#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.17 1:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.05.16 6:31 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Чулуун зэвсгийн үед аж төрж байсан бидний өвөг удмын тухай өгүүлэх энэ зохиолыг оруулвал унших хүн байх болов уу....


Top
   
PostPosted: Jun.05.16 6:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бичлэг, хэллэг нь хуучивтар үеийн хольцгүй сайхан монгол хэл ...


Top
   
PostPosted: Jun.05.16 6:59 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Б.РЕНЧИН

ЗААН ЗАЛУУДАЙ

Оршил

Үүрийн туяа гэдэг түүхэн роман анх үүсгэн бичихдээ, улсын сайн малчин Ширчин гэгчийн туулж өнгөрүүлсэн явдлыг нь сонинд бичихийн улмаас, сонины товч мэдээнээ цухас гаргасан зүйлд тэр зоригт өвгөний насан туршийн сонин явдлыг яахан багтааж болох ажээ.
Чингээд, сэтгэлэг адил Зөвлөлтийн нөхдөөс зоригжуулсанд урмас орж "Үүрийн туяаг" бичин гүйцэх үес, надад нэгэн санаа төрсөн нь: манж Дайчин улс, Олноо өргөгдсөний Монгол улс, Монгол Ард Улс энэ гурван төрийн нүүр үзсэн өвгөдийн хорьдугаар зууны эхэн хагасыг бараг шувтартал үзэж өнгөрүүлсэн явдлыг нь дүрслэн үзүүлсэн "Үүрийн туяанаас цаашилж, түүх юүгээн бүтээгч ард түмнийхээ үе үеийн байдлаас нэг нэг роман бичиж, эртнээс "Үүрийн туяа" хүртэл үргэлжилсэн нэгэн цуврал роман бичиж үзвэл зүгээр юмсан гэж бодогдлоо.
Зөвлөлтийн алдарт эрдэмтэн, академич, профессор багш нар минь, монгол хэл бичгийн шинжлэлд насаа зориулан оролдох хүн, дан ганц монгол хэл бичгээр хязгаарлавал учир дутагдалтай болно. Зорин эрхэлсэн хэл бичгийн шинжлэлд гүйцэд гүнзгий оролдох гэвэл, хэл бичигтэй салшгүй холбоотой бөгөөд харилцан шүтэн барилдсан шинжлэлийн зүйлийг уйгагүй оролдож, аман зохиолын зүй, угсаатны зүй, эртний судлал, түүх зэрэг зүйлийг судлалцах хэрэгтэй. Чингэвээс сая учир бүрдээд, хэл бичгийн судлалд нэмэн оруулж болохын дээр, бас уг судалсан зүйлээс өөр төрлийн юм бичихэд хэрэглэх зүйл бүрдэнэ гэж чин сэтгэлээс сурган соёсон нь, надад одоо л их тус болж, миний зохиолч сэтэртэй болсон нь ч мөн түүнээс үндэслэсэн билээ.
Чингээд, өдгөө үсэн буурал болж, насны наран хэлбийж буй үес, эрдэмтэн багш нарын шүтэн олсон хэлний шинжлэл, аман зохиол, угсаатны зүйн талаар гучин илүү жил оролдон цуглуулсан зүйлээ бие баахан танагтай байгаа дээр боловсруулан, амжиж авдаг бол, дуусган бичихийг мэрийхийн хажуугаар, тэдгээр цуглуулсан зүйлээс уран зохиолын зүйлд хэрэг болох юм өдий төдий гарахыг тэвчин үл түвдэх тул, цуврал роман бичих гэсэн санаагаа амжихын хирээр оролдож үзъе хэмээн, хөндий цээжин ургасан үзэгдлээ цааснаа буулгахдаа мөхөс биеийн алжаалыг хатуужин бичиж, хэдэн эхт юм үүсгэснээс, эхнээс нь дэс дараагаар нухаж үзье хэмээн, балар эртний чулуун зэвсгийн үеэс сэдэвлэсэн энэ "Заан Залуудай" гэдгийг урьдаар дуусгахаар зорилоо.
Чулуун зэвсгийн үеийн манай дээдэс, өндөр өвгөс, байгалийн түмэн эрхшээлийн дунд чадал мөхөс, мэдлэггүйхэн, зэвсэг хэрэгсэл нэн ядуу, асан авч, харш зовлонгоос ангижирч, жаргалтай сайхан амьдрахын хүсэл мөрөөдөл байсан учир, орчин тойрны байгалийн аугаа хүчин үзэгдлийн үнэн учрыг мэдэхгүй боловч, хөдөлмөрийн хүчээр мичнээс хүн болж, бидний одоогийн үед зүглэсэн анхны мөр гаргасан тэр үеийг дүрслэн үзүүлэхэд надад сонин санагдсан билээ. Эртний чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсролыг эртний судлалч нар нээн үзүүлж, аман зохиол, угсаатны зүйч хүмүүс, олон угсаатны утга соёлын зүйлийг харшуулан гаргаж дэлхийн олон улсын дунд бусдын адил шатны хөгжилд хүрч завдаагүй аймаг угсаатны соёл боловсролын зүйлийг судалсан нь, чулуун зэвсгийн үеийн хүний эдийн боловсрол, утга соёлын хэр хэмжээ тодорхой болсон үүнд, тэдгээр зүйлийг баримжаалан, монгол аман зохиол, угсаатны зүйн сэдвээс бас хэрэглэж найруулан бичсэн үүнээ, зохиолчын хувьд надад санаа байвч, чадал хүрэлцээгүй зүйл байж болох юмаа. Тийм зүйлд уучлахыг өчмүү.
Балар эртний түмэн харанхуйн үед бас буман мэдэхгүйн дунд оршин байсан балрын хүмүүс, тэр мөртөө мөн ч хатан зоригтой тэмтэрч тэмтэрсээр одоогийн хөгжлийн зүг чадан ядан, унан тусан зүтгэж явсныг нь уран саналгын үүднээс дүрслэн үзүүлж тэр балар эртний хүмүүсийн дунд Европ зүгийн Германы Неандерталын хөндийн балрын хүн, Дундад улсын Бээжингийн хүн гэж хүн судлалтан, эрдэмтэн мөн эртний хүн судлалтан эрдэмтэнд алдаршсан Ази, Европын хүний зэрэгцээгээр, мөн тэр л хавилцаа үед нь, манай энэ тунгалаг урсгалт Туул голын хавьд ч бидний өндөр өвөг, чулуун зэвсгээ барин аж төрж амь зууж явсны баримтыг Зөвлөлтийн эртний судлалч эрдэмтэн олж, Зайсан толгойн зүүн урд хормойд нь хүртэл чулуун зэвсгийн хүний орогнож байсан газар, чулуугаар үйлдвэрлэж байсан зэвсгийг нь олсон тул, би Германы Неандертал ч оролгүй, Бээжингийн балрын хүний орогносон газар ч хүрч очилгүй хаяанд маань түмэн жилийн тэртээ оршиж байгсдын байдлаас дүрсэлж үзье гэж зорин бодоод, сурах бичигтээ чулуун зэвсгийн хүн гэж үздэг манай сургуулийн багачуулд ч энэ зүйл сонин байж юуны магад гэж бодож бичсэн хэрэг. Уншигч нөхөд, та бүхнээ ийнхүү зориулан бичсэн үүнийг юун гэж болгоосон сэтгэгдлээ надад харамгүй, шуудангийн 119 дүгээр хайрцагт бичиж, цаашдаа үүний хойд дахь цуврал болох үйлд минь тусална уу. Үүний тул, ил оршлын хэдэн үг бичин нуршлаа.

Улаанбаатар, харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын сайн өдрөө


Top
   
PostPosted: Jun.07.16 4:25 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тэргүүн бөлөг

ДОГШИН ХИРИСИЙН ХӨЛД ЭРСТСЭН НЬ

Эргийн бургасанд суун чагнаваас
Үелзэн урсах Туул голын ус нь
Эртний домог шивнэн ярих мэт
Үймцэх сэтгэлээ тогтоон,
Наран гэрэлд нүдэн аниваас,
Балар үеийн үзэгдэл ургаад,
Надаар хэлмэрч хийж түүхээ,
Багачуулд уламжлах гэсэн мэт...

Өгүүлэх нь: Тэр аюултай том амьтан гэв гэнэт, цов цочмог шугуйн өтгөн бургасан дотроос аягүй муухай урхиран гарч, галзуу мэт дайран оржээ. Түргэн урсгалт, тунгалаг уст голын уудам нуга дээр мангир түүж байсан эмэгтэйчүүд, хүүхэд багачууд сочин эмээж, сандран бархиралдаад, хойд уулын энгэрт, өндөр сайхан дэнж дээр харагдаж байгаа өрх гэрийн зүг улаа бутран гүйлдтэл, хамар дээрээ урт богино хоёр эвэрт, бараан шар урт үстэй тэр хирис, хойноос нь газар донсолтол пижигнэн хөөгөөд, Туулай хүүг том тавхайгаараа мэлхий гишгэсэн шиг няц даржээ. Хөөрхий жаалын амь тасран, элээнд шүүрүүлсэн бөжин шиг аягүй муухай час хийтэл бархирсан дуунд нь Залуудай хүүгийн хуйх нь хөндийрч, үс нь сөхүйн босоод ирэх шиг боллоо.
Айж сочсондоо, эргэж Туулай хүүгийн яасныг харах завгүй урагш ухас хийх зуур, дэнж дээрх хэдэн өрх гэрийн гадаа, наранд ээж суусан өтгөс эмгэд сандан мэгдэн, унан тусан босож, үймэлдэн арваганах нь харагдтал, муухай заар ханхлаад, нэг их ширүүн үстэй юм араас лүс хийтэл мөргөж, уул дайвалзан, газар дээшээ, тэнгэр доошоо гарах шиг болоод, бургасны орой нь уруугаа унжиж байх шиг хачин сонин үзэгдээд, гэнэт нүд харанхуйлжээ.
Хирисийн хөлд дайруулаад, тахийн хомоол шиг эргэлдэн үсэрч, газар мөргөж ойчихдоо, хурамхан зуур ухаан алдсанаа төдхөн сэхэж, яаран өндийн харваас, зугтаасан эмс хүүхдийн түрүүч нь наад захын өрх гэрт хүрэх шахасхийж, хойноос нь тэр муухай догшин амьтан уулнаас өнхрөн буух үхэр чулуу мэт үсрэн давхиж, хүүхэд багачуулыг тоохгүй, эмэгтэйчүүдийн хойноос хөөж явах ажээ.
Залуудай айн эмээн, дэмий л ширтэн хартал, тэр махан овоо шиг том амьтан, толгойгоо өчүүхэн төдий хоёр нэг хөдөлгөсхиймэгц, дэргэд нь нэг нь арвайн сарвайн, аргал хоргол чавхдал адил, дээшээ ойн үсрэх нь үзэгджээ. Чингэсээр, Поодой бөөгийн өрх гэрийн зүг, хурдан хөлт Паалиагийн хойноос нэхэн давхиж яваа нь Залуудайн нүдэнд жигтэйхэн тод харагджээ.
Поодой бөөгийн өвгөн аав Оодой дархан, өрх гэрээсээ жад барин гарч, Паалиа тэр бяцхан бор толгой шиг өрх гэрийнхээ орой дээр гүйн гарахтай зэрэг, хирис хойноос нь гүйцэн нохой хуцуулж, өрх гэр дээр эрчээрээ давхин гарахыг Залуудай зүүдэлсэн юм шиг, айн эмээн, хөдлөх дуугарах тэнхэл тасран харж байтал, улаан шороо манараад, Паалиа, Оодой, хирис цөм далд орж, гагцхүү тэр муухай догшин амьтны хөндий том цээжнээс гарч байгаа архирах сүрт дуу, нохой шуугилдан хашхилдах чимээ дуулдан авай.
Залуудай хүү сочин сандарсандаа хярсан бөжин адил, газар наалдан хэвтээд хирист мөрдүүлж өвдсөнөө ч мартаж, өвсний завсраар дэнж дээрх өрх гэрийн зүг юу болж байгааг эмээн ширтвээс зарим өрх гэрийн нүхээр дотор нь байсан эмэгтэй, ганц нэг эмгэд цухуйн гарч, хэдэн нохой, Доодойн өрх гэрийн тэнд хуцан гүйлдэх нь үзэгдэв. Эргэж харахад, хирист дайруулан гишгүүлсэн Туулай хүүгийн шилэн хүзүү юм шиг, толгойгоо өлийж, ангайсан ам нь хашхирч байгаа юм шиг боловч, завжаар нь цус гоожин, өрөөсөн гарт нь хэдэн мангир тас ачаастай, сүүжин бие нь няц гишгүүлчихсэн харагдаж, цаана нь эмгэн Мангина алдлан хэвтэж, бас хирисийн давхисан замд дайралдаж мөргүүлсэн ганц нэгэн эмэгтэй тэвдэж байгаа нь, бие агшиж, жижиг бичил болсон адил, их л сүргүй, бас огт хөдлөхгүй байгаа нь айдас хүрэм аягүй үзэгдсэнд, дур хүрэвч, хээр газар уйлж, чимээ гаргаж болдоггүй юм. Ан араатан халдана гэж эмэг эхийн сургадгийг санаад, шүдээ зуужээ.
Поодойн гэрийн тэндэх улаан тоос ч тэр завсар замхарч амьтан бараа туруугүй болсон мэт. Бас олон хүний овооролдсоны завсраар Поодойн өрх гэр үгүй болсон мэт. Учир байдал мэдэгдэхгүй хачин болсон тэр зүг гайхан харваас, олны дунд эмэг эх нь үзэгдэх шиг болоход хайртай эмгээгээ танимагц, өндийн босож, ухасхийн гүйж орхилоо.
Хирисээс дутаах үес, торж унасан газраа хярж, хэвтсэн ганц нэг багачуул, Залуудайн гүйхэд, хойноос нь дагаж, бас гүйлдэх чимээ сонстлоо. Хирист дайруулагсдын хажуугаар гарахад, цөм эвгүй хэвтэж огт үл хөдлөх байдал нь үхсэн ан гөрөө, хүн харыг хэдий нас бага боловч олон үзсэн Залуудайн нүдэнд тусаж болохоосоо өнгөрсөн ажээ гэж бодон гүйтэл нэг эмэгтэй хөдлөх шиг боллоо.
Бие биедээ тусалж байхыг үргэлж хэлүүлж, ахас ихсээ харилцан туслалцаж байдгийг үзэн хүмүүжсэн тул Залуудай тэр хэвтэж байгаа эмэгтэйг хөдөлмөгц, дэргэд нь гүйж очоод, хажууд нь явган суутал, хойноос нь дагаж гүйсэн Алцгар, Арваалж, Чулуун гурав гүйцэж ирээд, дөрвүүлээ үзвээс Алцгарын эгч Пянтуу ажээ. Бие чийрэг хүдэр тэр эмэгтэй, нүдээ нээн, өндийх гэснээ ёолж, өнөө дөрвөн жаалыг хармагц алмайрсан мэт хачин харц нь ухаан сэхээ орсон шинжтэй болж, сулхан дуугаар
- Өнөөх хэцүү нэрт амьтан хайчив? гэж шивнэн асуугаад, багачуулын хариу хэлэхээс урд, бас нэг ёолсхийгээд хоёр хөл мэдээ байхгүй, зоо нуруу их өвдөж байна гээд дахин нүдээ анив.
- Алцгар, чи эгчийгээ харж бай. Бид хүн дуудаж ирье гээд Арваалж, Чулуун хоёрын дагуулан, өрх гэрийн зүг гүйсээр ойртон очтол, Поодойн цөмөрсөн өрх гэр дотроос хирисийн хилэгнэн буйлах дуу гарсаар ажээ. Эхийн зүг гүйн очиж Пянтууг дамжилж ир. Хоёр сармай дээл аваад яв гэж дөрвөн чийрэг эмэгтэйг тэр суурин өрх айлын хамгийн эгчмэд хашир хүний хувиар тушааж явуулав.
Залуудай, эмэг эхийн хамт, Поодойн цөмөрсөн өрхийн дэргэд очиж, доошоо эмээн харваас, хирис өрхийн дээврийг махаараа цөм дарж ойчихдоо, нарийвтар сургааг унин дээр хар модны долон холтос дэвсэж, дээрээс нь ширхэг жигдлэн өрж хийсэн дээврийг нь цөм дарж ойчихдоо өрхийн тооно тулсан дөрвөн баганын нэг нь цав гарсан газраа цуурч шор мэт хурц үзүүртэй болсон нь тэр нүсэр том амьтны гэдсийг нь нэвт хатгаад, бөөрөн тушаа нь цус бултайн цухуйжээ. Хирисийн зантайсан том толгой нэн хүнд тул, цээжин бие нь доошоо унжиж, урд хоёр хөлөөрөө газар самран, байн байн сүртэй муухайгаар хурхирах ажээ.
Оодой дархан Паалиа хоёр, өрхийн нэг буланд, хирисийн эвэр хараахан үл хүрэх газар хоргодон суугаад, шороо тоос болчихсон тэр хоёрыг өчүүхэн хөдөлмөгц, хирис догшин нүдээ улаанаар эргүүлэн, эврээрээ өлгөж авах гэж урхиран тэмүүлэх тул, хярсан бөжин шиг, буланд бие биедээ шахалдан оцойж суух ажээ. Баганыг газар сайн зоосон боловч, том амьтан өлгөгдөж тарчлахад нь баахан холхих байдал орж, өвгөн дархан, жаал хүү хоёрын зүг хазайсхийжээ.
Залуудай эмэг эх Булжуухай, Оодойн булан тушаа нүх ухуулж, хүн багтах хиртэй болмогц, нэг мушгиа сураар Паалиа хүүг урдуур татуулж хирисийн уурлан урхирах нь баахан завсарламагц, өвгөн дархныг гаргаж эхэллээ. Тэгтэл, хирис ахин тургин зүтгэсээр, баганыг ганхуулан, Оодойн дээлийн хормойноос эврээрээ дэгээдэн татсанд, эмэгтэйчүүд тэр догшин сүрт амьтны гэнэт хөдөлж ухасхийснээс айн сочиж, мушгиагаа алдсанд, ганц чийрэг Хойлог чинэрэн улайтлаа угз татаад, өвгөний цээж биеийг нүхээр цухуйтал суга татсанд, хирисийн эвэрт өлгүүлсэн сармай дээлийн хормой цуу буугаад өвгөн хирисийн эвэрт гэдэргээ татуулсандаа тэсгэлгүй айж магнайд нь хөлс агшин зуур бурзайн гараад дэмий л ам ангалзан, нүхний амсрын ширэгнээс хуруугаа шигтгэн зууралдан тогтосхийв. Хирисийн цус, шороо тоос болсон царай, бүлтийсэн нүднээ үхмээр сандарч хэлмэгдсэн байдал тодорсонд, Булжуухай эмгэн,
- Татаач! гэж хашгираад, залуу хүүхэн шиг үсрэн Хойлгийн барьж байсан мушгианы үзүүрээс шүүрэн Оодойг угз татан гаргалаа.
Өвгөн нүхний амсарт суга татуулан хэвтээд, сандарч тэвдсэндээ өндийх чадалгүй, дэмий л хэнхдэгээ оволзтол амьсгаадан нэгэн хэсэг хэвтэв. Булжуухай, Залуудайг ус аваад ир гэж тушааж, жаал хүү яаран гэртээ ороод, шавар ваарт байсан уснаас бүдүүн хийцтэй шавар том аяганд хийж, өвгөнд авчирч өгөхөд нь гуд гуд залгиад дотор нь сая онгойж магнайн хөлс арчин сармай дээлийнхээ цуу татуулсан хормойг барьж үзээд:
- Үхлээ гэж бодсон. Хойлгийн шөрмөстэй Булжуухайн бушууд л амь гарлаа шүү! Ёх доо, айгаагүйгээ айж, сандраагүйгээ өнөөдөр ганцхан сандарлаа даа. Айсандаа ам хатчихлаа. Ус ууж, дотор онгойх шиг боллоо. Насыг минь аваарай, хүү минь гэж Залуудайд аягаа өгөөд өндийж, өнөөх цөмөрсөн өрх гэрийн нүхний зүг шагайж үзвээс, хирис, Оодой өвгөнийг дайрах гэж догшрон тийчлэхдээ, гэдсэнд нь ****** багана биед нь улам шигдэж, эцсийн тамир тасарч, мундаг том бие нь чичив татав хийж, амь тавьж байгаа ажээ.
Шилэн хүзүүнд нь цус бялтаж, лав нэг шарх олсон амьтан бололтой. Үгүй тэр юу цухуйж байна! Жадын хугархай иш байх шив. Энэ лав нэг гөрөөчинтэй дайралдаж шарх олоод, түүнээсээ болж тэнэг уур нь хөдлөөд манайхныг дайрч, уршиг төвөг чирсэн бололтой. Манай гөрөөчин загасанд явсан шүү дээ. Энэ амьтан хаа ямар улстай дайралдав аа? Аль вэ хүү минь, аавынхаа жад аваад ир гэж Залуудайгаар анч Бодонгийн чулуун гилбэртэй жад авчруулаад, хирисийн зүг хэд хэд сайн чичээд үзтэл, тэр том амьтан хөдөлсөнгүй.
"Өрхийг минь эвдэн цөмөлсөн энэ хирис манайх боллоо. Анчин ирэхээс өмнө бид амаа тосдож гэдэс гарлаа. Булжуухай чи хэдэн хүнтэй энүүнийг үнэр орохоос нь өмнө эвдэн аргалж, идээ хоол хийж үз л дээ. Би нэг хэдэн хүнийг дагуулж, наадахад нь амь хохирсон хүнээ оршуулж үзсүү гэж бослоо.
Бяцхан суурин өрх айлын нэгэн хэсэг эмэгтэйчүүд Оодой өвгөнийг дагаж, дэнж дээрээс буугаад, голын бургас улиаснаас Оодой өвгөний чулуун сүхээр огтолсныг дамнуурга шиг юм хийж, хирист дайруулан үхэгсдийг отгийнхоо нөхцөгчдийн хүүр тавьдаг газар дамнан аваачих боллоо. Туулай хүүгийн эх, догшин хирисийн хөлд няц гишгүүлсэн жаалынхаа амнаас гарсан цусыг нь өвсөөр арчаад, тэсгэлгүй гашуудаж, үсээ задлан нүүрээ маажилж,
Алгын чинээ жаал хүүгээ
Анчин болохыг үзэхээс өнгөрлөө
Эрхийн чинээ жаал хүүгээ
Эр хүн болохыг үзэхээс өнгөрлөө!
Эвий хонгор минь эвий
Эх чинь гашуудан дууднам!
Дайрах хирисийн хөлд осолдоно гэж
Даанч бодсонгүй чамайгаа хүү минь!
Ууртай хирисийн хөлд осолдоно гэж
Ухаанд минь ч орсонгүй чамайгаа, эвий!
Хөөрхий хонгор минь, хөөрхий
Хөгшин эх чинь гаслан уйлнам!
Алаг үрийнхээ амнаас гарсан цусыг нь
Арчин арчин, аюулт хирисийг зүхнэм!
Хайрт үрийнхээ няц гишгүүлсэн биеийг
Харан харан хирисийг хараанам
Эвий хонгор минь эвий,
Эх чинь гашуудан дууднам!
Өглөөний өөд улаан нарнаар сэрээд
Өндийж намайгаа хардаг асан хүү минь,
Үдшийн шар нарнаар намайгаа тэврээд,
Үнсээд нойрсдог асан үр минь!
Хөөрхий жаал хүү минь
Хөгшин эх чинь гаслан уйлнам
Эвий, эвий, эвий, эвий
Элэг минь эмтэрнэм!
гэж уйлан гашуудах нь даанч өрөвдөлтэй тул, Оодой өвгөн дэргэд нь хүрч ирэн тайтгаруулах хэдэн үг хэлж, Туулай хүүгийн ясыг дамнуурга дээр тавиулан, отгийн хүний яс тавьдаг газар зүглэн цував.
Уулын энгэрт Оодойн заавраар эмэгтэйчүүд мод чулуугаар хэдэн гүехэн нүх ухаад, өвгөн дархан нөгчигсөдийн хувцсыг энд тэнд нь чулуун хутгаараа эсгэж, чархи гэдэг түүхий ширийг нойтонд нь хөлийнхөө шагайд хүртэл хумин тааруулж хатаасан шаахай гутлын зуузай хавьд бас эсгэж,
Эд нь эзнээ дагаж,
Элэгдэлгүй мөнх
Ханзралгүй бөх
Хагаралгүй бат
Үүрд эдлүүлж
Хэзээд хэрэглүүл!
гэж шившин, эмэгтэйчүүдийн хүзүүний сондор чимгийн чулууг маажин, Туулай хүүгийн тоглоом авч ирүүлснийг бас хутгаараа маажив. Залуудай баахан гайхаж,
- Оодой ав аа, та юунд ингэж байгаа юм бэ? гэж асуухад нь Оодой дархан сурган өгүүлрүүн:
- Эзнээ эд нь дагаг гэж байна хүү минь. Эд нь бүтэн бол, сүнс нь эзнийхээ сүнс дагахгүй, нэг хэсэг зовооно. Эзэн хүний сүнс бие нүцгэн гар хоосон, хөл нүцгэн явах болно. Туулай хүүгийн сүнс ч гэсэн, тоглоомд нь шарх оруулж эс авбал, бүтэн тоглоомоо ялзартал нэг хэсэг тоглоомгүй уйдах болно шүү дээ. Эртэс дээдсийн маань ёс эзнээ дага, эзнээ дага! гэж тоглоомыг нь тамталсхийж гүйцэв. Тэгээд, Манина эмгэний хүүрийг амьд ахуй үес дэвсэж хэвтдэг адсаган дээр нь баруун гарыг нь дэрлүүлэн, хөл нугалсхийн хэвтүүлээд дэргэд нь ясан зүү, шөвөг, томсон шөрмөс, шавар ваартай хирисийн мах, шөл тавьж, бусдыг мөн тэр ёсоор хэвтүүлэн, Туулай хүүгийн тоглоомыг хажууд нь өрж, нэг нэг атга улаан зоос хүүр дээр цацсанд, Туулай хүүгийн эх хүүгийнхээ сармай дээлийн хормойг аятайхан засаад, нүдэндээ нулимс мэлтэгнүүлэв. Оршуулах ёслолд ирэлцсэн эмэгтэйчүүд хишгээ хуваалцлаа гэж үснээсээ үгтээн, хүүр дээр тавьцгаав.
Туулай хүүгийн эх нэн гашуудаж, үснээсээ чулуун хутгаар нэгэн хэсэг огтолж аваад хүүгийнхээ үсэн дээр тавингуут, биеэ барьж ядан, маш гашуунаа уйлсанд, Оодой дархан тайтгаруулах үг хэлж, шавар саванд авчирсан цогоор хүүрийн дээд талд баахан гал асааж агь ганга хийгээд утаа уугих завсар бүгдээрээ булшийг шороо чулуугаар дарав. Тэгээд булш бүрийг тойруулан чулуу хүрээ хийж хооронд нь зайтай өрж гүйцэхэд Оодой өвгөн, омгийн дээдсийн хүүр булшинд хиншүү өргөж, аман дотроо юм шивнээд, галд агь ганга нэмж, их утаа уугиулан, өндөр дуугаар уншин дуудруун!
Чоо-чоо-чоо! Сонсон хайрла
Өрх гэрт төрсөн Мангина нар,
Өвөр энгэрт орших цаг боллоо!
Мах ясанд төрсөн Мангина нар
Манаас салан хагацлаа, та нар!
Хий бие биелэн одлоо, та нар!
Хиншүү идээтэн боллоо, та нар!
Хилэн дүрээ атаатандаа хандуулж
Хишиг ээлээ халуундаа хайрла!
Чоо-чоо-чоо! Сонсон тогтоо
Харанхуй шөнийг далимдуулж
Халууныхаа манийг хорлох гэвэл,
Хашмал чулуун хүрээ битүү шүү,
Хатуучид онгодын хилэн хэцүү шүү
Саргүй шөнийг далимдуулан,
Садан манийг хорлох гэвэл,
Сахиусан чулуун хүрээ давшгүй,
Сайн онгон авын ээл барагдашгүй!
Чоо-чоо-чоо! Сонсон тогтоо!
Хашмал чулуун хүрээг мялаамуу
Ханан хад мэт, тэнгэр тулан хашиж,
Хайр чулуу болон элэгдтэлээ
Хамгаалан харж бай, Чоо-чоо-чоо!
Сахиул чулуун хүрээг мялаамуу,
Сарьдаг уул мэт тэнгэр тулан хашиж,
Сайр чулуу болон элэгдтэлээ
Сахин харж бай, чоо-чоо-чоо!
гээд, хирисийн өөхөөр булш тус бүрийн чулуун хүрээний дөрвөн зүгийн чулууг мялааж, уг оршуулах ёс гүйцмэгц бүгдээрээ
- Чоо-чоо-чоо! гэж өндөр дуугаар гурвант хашгиран гэдрэг эргэж харалгүй өрх гэрийн зүг буцан одов.
Ар гэрийн газар тэр завсар Булжуухай эмгэн удирдаж, өнөөх хирисийг чулуун сүх хутгаар эвдээд гадаа хэдэн газар задгай гал түлж, хирисийн мах шарахыг нь шарж, шавар ваар саванд чанахыг нь чанаж, чоно шиг нохойдоо идүүлэхийг нь идүүлж багачуул, нүүр ам нь цус болчихсон гүйлдэж,
- Манайхан уулын энгэрээс айсуй! гэж шуугилдахад, Булжуухай эмгэн яаран хоёр гал түлүүлж, ганга түлүүлж уугиулан ганга буцалгасан устай, хэдэн ваар тэр хоёр галын тэнд тавиулав.
Хиритс дайруулагсдыг оршуулж ирэгсэд, тэр хоёр галын хоорондуур орж, биеэ ариутган, түрүүн нүүрээ маажиж гашуудал илэрхийлсэн цусаа гангатай усаар угаацгаалаа. Тэгээд, түүдэг галын тэнд очиж, галын зүүн талаар эмэгтэйчүүд, баруун талаар Оодой өвгөн тэргүүтэй хөвгүүд сууцгаан шарсан, чанасан махны сайхан үнэр ханхлахад, шүлсээ зуун хүлээвээс Булжуухай эмгэн хүн бүрийн оногдол хувийг сайхан тааруулж хоёр залуу эмэгтэйгээр тэвштэй ваартай хоол тавиуллаа.
Туулай хүүгийн эхийг өрөвдөн, аль амттай махнаас нэг тэвш дүүргэн тавиулсанд саяхан гашуудан уйлж байсан тэр хөөрхий эмэгтэй, сайхан элбэг хоол хараад, сэтгэл нь сэргэж, тун жаргасан байдалтай идэж суув. Үүнд одоо цагийн хүн, эрт цагийн тэдгээр хүнийг буруушаахын арга ч үгүй, ёс ч үгүй бодууштай чадал муутай, зэвсэг муутай, үргэлж хоосон нойтон шахуу явдаг хоёр хөлт хөөрхий балар цагийн хүн, хоёр чихнээс хойш орох юм л олдвол цадахаа мэдэхгүй идэж аваад, түүнийгээ жаргалын дээд гэж үздэг байжээ. Идэх юм эс олдвол өл даахдаа нэн ч тэсвэртэй, ер өлсөх даарах, ангах цангахыг жирийн хэрэг гэж үздэг цаг байжээ. Туулай хүүгийн эх, Булжуухай эмгэний сонгож тавиулсан махыг маш амтархан идэж, хааяа хааяа элгэн дээрээ гоожтол зажилж год год залгилан идэх нь маш шамдуу. Бусад хүн мөн нэгэн адил амтархан идэж, ясаа тун чадамгай мөлжөөд чоно адил төсөрхөг нохойд хаяж өгөхөд нь хирисийн гэдэс дотроос хэдийн идэж цадсан тул ганц нэг долоогоод тоохгүй хэвтэцгээж байснаа баруун зүгээс салхи татах зүгт шиншилсэнд, Булжуухай эмгэн ч тэдгээр нохойноос дутуугүй.
Солонго мэт
Сонсох тул,
Үен мэт
Үзэх тул
бас л алсын үнэр хэдийн мэдэж, галын баруун зүүн зүг суусан хүнд анхааруулж:
- Голын зүгээс гөрөөлсөн загасны үнэр манайхны үнэр, бас нэг өөр харь хүний үнэр гарч байна гэхэд нь бүгд яаран босоцгоож, дэнжийн захад очин харваас, усны тохойд гурван урт онгоц зогсож, арван хэдэн эрэгтэйчүүд, том том бургасаар холбосноо модонд дамнан, дэнжийн зүг айсуй. Нэг хэсэг нь сэрээ жадаа үүрцгээн явнам.
- Өөдөө гартал, Оодойн өрх гэр цөмөрчихсөнийг хирдхийн харж бас эмэгтэйчүүдийн нүүрт гашуудан маажсаар ор тэмдэг илрэхийн дээр нэг хэдэн хүн бас дутуу байхыг үзээд учрыг яаран асуужээ. Ар гэрийн газар гэнэтийн аюул зовлон тохиолдсоныг сонсож анчин эрсийн царай хөмсөг зангидацгаав.
Ирэгсэдийн дунд уранхай, навтархай, сармай хувцастай, эцэнхий, аяншиж зүдэрсэн байдалтай боловч сүрхий шөрмөслөг бяртай нэг эр, загас үүрэлцэн зогсож байхыг Залуудай ажиж, Булжуухай эмээгийн хамар харь хүнийг ханхлав гэж тийм холоос таних яасан сүрхий хамар вэ? гэж гайхан тэр хүнийг сэм харваас царай зоримог бөгөөд шулуун. Бүснээ нэг үл таних сонин судалт модон иштэй сүх, ширэн гэр углаж бүснээсээ хавчуулаад, ахар жад нэг гартаа барьжээ. Анчныг тэргүүлж явсан Мазаалай, өтгөн дуугаараа хүнгэнэн,
- Манай Булжуухай эмээн хүү, Залуудайн эцэг Шонхолой, энэ зүүн урд уулын нэг чулууны нүхэнд шар махчингуудаас хоргодож байна гэж энэ ихэрэс омгийн хүн бидэнтэй дайралдан хэл хүргэжээ. Энэ шөнө очиж Шонхолойг гаргаж авахгүй бол шар махчин биднээс түрүүлж магадгүй гэнэ. Хүний тоогоор манайхнаас олон гэнэ. Харанхуйг далимдуулан дайрвал бид дийлж магад. Оодой ав, Булжуухай эмээ, та хоёр өрх айлаа мэдэж, сэргийлж бай. Дийлвэл, бид маргааш үдээс хойш ирэх байх. Дийлдвэл шар махчныг өрх гэрээсээ холдуулан, өөр зүг буруулж, уван цуван нуугдаж ирнэ. Шар махчинтай одоо л нэг үзэлцэх цаг боллоо гэхэд нь хүн ер үг дуугарсангүй.
Хэдэн жилийн өмнө, урдах уулын зүүн урдах аманд Оодой авын суурин айлыг үгүй хийсэн Шар махчинтай тулсан тулаанд Шонхолой сураггүй болж, Поодой бөө хүүгийн хамт амь гарсан Оодой өвгөн, ураг төрлийн барилдлагатай Чонос омгийнхоо өрх айлд багтан хамжсан явдал Чоносын бяцхан суурин айлын эрэгтэй эмэгтэйн сэтгэлд ургаж, өнөөх Шар махчны сүрэг дахин үзэгдсэнд цөм сэтгэл зовнижээ.
Олны чимээгүй байтал Залуудай өндөр дуугаар,
- Би явалцаж, авыгаа шар махчнаас салгаж ирнэ гэхэд өнөөх үл таних хүн, тэр үг сонсмогц, бүснээсээ урт ишт сүхээ яаран суга татаж аваад хоёр гараар Залуудайд барьж,
- Авын чинь чамд явуулсан сүх. Хүүд минь гардуулж өгөөрэй гэсэн юм. Зорьсон хэрэг чинь бүтэх болтугай гэж өгсөнд, Залуудай тэр сүхийг нь авч гэрийг нь мулталж үзвэл, жигтэй сайхан мөлгөр ногоон чулуугаар хийсэн хурц сүх байжээ.
- Энэ ямар чулуугаар хийсэн сүх вэ? Оодой дархны гайхан асуухад, тэр харь хүн,
- Хас тэнигэр гэдэг чулуу. Тух хатуу. Их цөлийн тэртээх нангиа омгийн урцуул хийдэг зэмсэг дээ. Шонхолой тэндээс сурч, хүүдээ өөрөө хийсэн юм гэхэд нь Залуудай,
- Эмээ, би ах нартайгаа явалцаж, Шар махчинтай тулна. Авын энэ сүх шар махчны цусаар мялаана, гэхэд Мазаалай өтгөн дуугаараа,
- Эмээ, Залуудайг явуул аа явуул! Бидэнд нэг хүн ч гэсэн нэмэр. Шар махчинтай эцгийнхээ төлөө тулалгүй яахав гэхэд нь Булжуухай эмгэн,
- Эр хүнийг явуулан хэлдэг ёстой юм даа. Хүү минь явж, атаатнаа даралцаад автайгаа мэнд буцаж ирээрэй гээд Залуудайн баруун хацрыг нь үнсээд зүүн хацрыг нь илэв.
Анчид яаран хирисийн чанасан шарсан махнаас идэж аваад, ундаа хариулан, зэр зэмсгээсээ сайныг шилэн автал, нар ч жаргах шахаж, одоо явалгүй горьгүй гэж эрчүүл цөмөөрөө шаламгайлан хөдлөв. Өрх гэрийн газар эр хүйстнээс ганц Оодой өвгөн тэргүүлэнхэн үлдэж хоцров.


Top
   
PostPosted: Jun.09.16 12:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Их сайхан зохиол шүү. Энэ зохиолоос монголчууд яагаад сэтэрхий аяганд хоол цай идэж уудаггүйг мэдэж авч блаа.

Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.09.16 10:38 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Sep.01.14 12:13 pm
Posts: 97
Уншиж байсан юм байнаа. Гоё зохиол шүү.

_________________
Whateva


Top
   
PostPosted: Jun.10.16 9:55 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Дэд бөлөг

ШАР МАХЧИНГУУДЫН ЯЛСАН НЬ

Чонос омгийн бяцхан өрх суурин айлын дайчин эрс Шонхолойгоо Шар махчингуудын гараас салгах гэж онгоцондоо сууцгаан гол гатлаад, бургасан дунд онгоцоо далдлан сойгоод яаран алхав. Бүгдийн өмнө өнөөх эцэнгир эр, том том алхмаар газар хорооцтой алхаж, хойноос Мазаалай бусдаа дагуулан явав.
Жаргаж байгаа нарны гэрэлд үүлс ягаан, шар туяа татаж өвсөн дунд гөрөөсний том ийш тийшээ зурайн, зарим нь голын зүг ус уухаар явдаг зам байжээ. Агаар маш тунгалаг бөгөөд, зүйл бүрийн цэцэг навчны сайхан үнэр анхилан, үдшийн сэрүү татаж тогоруун сүрэг өндөр тэнгэрийн хөхөд цувран нисэх нь тов тодхон. Өргөн талд тахь, хулан бэлчиж зээр оронго жирэлзэн давхиж, хойноос нь ямар нэг араатан хөөж явааг үзээд Залуудай сүхээ атгаж аавынхаа дүүгүүр бүснээс зүүснээ сугалж, гөрөөсний хойноос хөөцөлдмөөр санагдав.
Мазаалай, Залуудайг эргэж хараад, толгой дохин дэргэдээ ирүүлж, шивнэн өгүүлрүүн:
- Ан харалтгүй, аавыгаа Шар махчнаас тулталж авахыг зориглож яв. Бид удахгүй модны захад хүрч, дайсан харагдахгүй нууцтайгаар дөтөлж, харанхуй болоход дайрна. Шар махчин биднээс олон юм гэнэ. Цочмог дайран хэдийг нь хороовол, хүч тэнцүү болох вий. Аав чинь тэр жил Шар махчинд баригдаад, оргож зугтаасаар олон омог дамжиж, их мөрний цаана нангиа омогтон суудаг газар хүрч, тэндээс энэ Шарнууд омгийн хүнтэй нийлэн наашаа буцаж яваад, Шар махчингийн сүрэгтэй дайралдан хадан хонгилд хоргодсон юм байна. Ихэрсийн энэ Бух өвгөнийг тэднүүд харсангүй. Аав чинь өрх сууриндаа дайсан дагуулж ирэхгүй гэж, хадан хонгилд нуугдаад, Бухыг манайханд явуулж хэл хүргүүлсэн нь яг бидний загасны ангаас буцаж явахтай дайралджээ. Чи гөрөө хийж чадах боловч, хоёр хөлт дайсантай тулж үзээгүй. Биеэсээ давуу дайсантай битгий тулаарай. Миний ойр байж үзээрэй гэж сурган хэлсээр ойн захад ойртсон тул, бүгд модонд шурган орж, зүүн урд зүгийг чиглэн явтал, төдхөн харанхуй болов. Олон хүн явах үнэрийг нь ойн араатан гөрөөс хэдийн авсан тул урдуур хойгуур нь зэрлэг гахай зайлан одох чимээ гарч, хааяа хааяа араатны үнэр ханхлан Чоносын дайчин, чархи гутлаараа огт чимээ гаргалгүй цуван алхсаар нэгэн хэсэг явтал, түрүүлэн газарчилж яваа ихэрэс Бух өвгөн гэнэт зогсож, модон завсар тэртээ хол гал гялалзахыг зааж шивнэрүүн:
- Өнөөх Шар махчин тэр байна гэж шивнэв. Чонос, тэр зүг ширтэн харцгаагаад, шивнэн зөвлөлдөж салхины доод талаас гэтэн ойртохоор тогтож, хүн бүр дүүгүүрээ барьцгааж, Мазаалай түрүүлэн бусад нь хойноос нь дагалдан, мөр мөрөө гишгэж, чив чимээгүй явав.
Харанхуй модон дотор уруудаж буугаад, урт нарийн ам модны хаяагаар өгсөж, дайсны зүг ойртох тусам, галын хажууд суух нь сууж, хэвтэх нь хэвтэж байгаа хүн улам тодхон харагдах болов. Түүдэг галын гэрэлд босоо хүний мөрөн тушаа өндөр харлан харагдах нүх сахисан хэдэн хүн, хааяа тэр рүү чулуу хаях, цучил шидэх үзэгдэн, цучил нь нүхэн хонгил дотроос хүн эргүүлж хаясан юм шиг гэдэргээ суунаглан унах байдал илэрхий үзэгдэх болсонд Залуудай хүү, ав минь тэр нүхэн хонгилд байгаа юм байна гэж дотор онгойж, эцгийнхээ явуулсан урт ишт сүхийн бариулыг чанга чанга атган, дайсны толгой руу буулгаж байгаа мэт сэтгэх алхтал, Мазаалай гэнэт зогсож, шивнэн захисан нь:
- Одоо ойртов шүү! Нэг нэг дүүгүүрдээд, хашгиран дайрч орно шүү. Би тэр дунд нь байгаа том Шар махчныг дүүгүүрдэнэ. Бух тэргүүтэй таван хүн доод талд нь сууж байгаа тавыг дүүгүүрд! Дээд талын тавыг бусад нь дүүгүүрд! Би тэрнийг, чи тэрнийг гэж сайн оноож ав. Намайг дохио өгмөгц дүүгүүрдэнэ шүү! Одоо тун чимээгүй, салхин дороос нь ойртоно шүү. Шах махчны хамар нь манай Чоно аваас дутуугүй шүү! гээд, огтхон ч чимээ гаргалгүй салхин дороос сэм ойртож нэг хэсэг яваад, харанхуйд их түүдэг галын дэргэд шарсан мах идэж байгаа Шар махчны ойр дүүгүүрийн чулуу хүрэм газар гэтэж, зулзган модон дундуур дөтлөөд, арын хүнийг гараар түлхэн дохио өгмөгц, цөм сэм урагш давшин эгнэж зогсоод Мазаалайн дүүгүүрийн чулуу дүнгэнэх чимээ гарахыг хүлээв. Түүдэг тойрсон дайсны зүгээс шарсан махны үнэр. Шар махчны хөлс, хулмасны нялуун үнэр ханхлан, хүн бүр дүүгүүртээ чулуу зуулган, дохио хүлээтэл, Мазаалайн дүүгүүрийн чулуу хүнгэнэнгүүт бусад Чоносын дүүгүүрийн чулуу хүнгэнэж тэр чулууны чимээгээр шар махчингууд ухасхийн бостол, зургаа, долоон хүн ойчих шиг боллоо. Тэгтэл Мазаалайн бүдүүн дуу гарч чонос Чоно өвгөө дууриан ульж, дайран орвол Шар махчин гэнэт дайруулсандаа хоромхон зуур сочин сандарснаа жад, сүх, бороохойгоо далайцгаан дайсанай тулах гэж жагстал Мазаалай шуугин орж нэг том Шар махчны хэнхдэг жадлан унагаад, сүхээ далайн бас нэг махчинтай авалцтал хажуунаас нь нэг сагсгар шар махчин Мазаалайг дайрсанд Залуудай хашгихан цавчмагц эгмийг тас цавчиж тэр махчныг унагаав. Их түүдэг тойрон тулалдагсад урхиран хашгиралдаж, сүх жад тачигнан, иш хугаран ёолох, уриалах дуу маш сүртэй бөгөөд гал тойрон сүүдэр жирэлзэн нүдээ улаанаар эргүүлэн, амаа ангайн урхиран хурхирч байлдах эрчүүлийн дуу хаданд цуурайлан жигтэйхэн юм боллоо. Шар махчин цочмог дайруулсан боловч сүрхий гэнэт дайрсан дайсны тоо амьд үлдсэн тэднээс нэг их илүүгүйг үзээд, бүр ч дошгирон тулалдаж Мазаалайн дүүгүүрийн чулуунд шилэн хүзүүгээ цохиулан унасан том Шар махчин ухаан сэхээ ороод бяртай гараараа Залуудайн сүхний ишнээс шарватал нь шүүртэл, гэнэт хадан хонгилын зүгээс шурт хийх чимээ гарч тэр том Шар махчны суганд үзүүртээ шувууны өдтэй нэг урт нарийн бараг тэр өдөндөө тултал шигдэн орж нөгөө үзүүр нь бөөрөөр нь чулуун үзүүрээ цухуйлгав. Шар махчин алдлан ойчиж Залуудай тэр сум шуугин ирсэн зүг харваас эцэг нь хонгилын зүгээс нэг матгар мод татан өдтэй урт нарийн бяцхан жад шиг юмаар дайсныг холоос унаган айсуй. Махчин ч гэсэн, Чонос ч гэсэн, тэр үес нум сум үзээгүй тул холоос харваж байгаа Шонхолойн зүг дайрсан гурван махчин төдхөн харвуулан ойчоод тоо нь цөөрсөн боловч, тулах зориг нь мохсонгүй. Үхэх нь зайлшгүй болсноо мэдээд улам ч ширүүн тулалдав. Чоносын хүч давуу болсон тул, Шар махчин зугтаан зайлах аргагүй нэг нэг Чоностой тулалдан, зарим Шар махчныг хошоод хошоод Чонос ээрэн байлдаж Шар махчин зугатан зайлж чадахгүй гагцхүү амиа сул өгөлгүй, нэг дайсныг дэрлэн унах юмсан гэж улайран тулжээ.
Мазаалай, нүүр хэнхдэг нь дайсны улаан цус болж гуяа сүхэнд хальт цавчуулавч шархаа огт тоохгүй зүс царай нь учиргүй сүртэй болоод, нэг бүдүүн махчинтай гардан ноцолдож, Залуудай нэг балцгар Шар махчинтай сүхдэлцэж, бяраар тэр балтгар илүү боловч Залуудайн сүхийн иш арай урт, махчны сүхийн иш арай богино тул, тэнцүү тулалдаж байтлаа Мазаалайн эсэргүүцэл махчин, санамсаргүй Залуудайд ойртсон тул, сүхээр ширвэн тэр махчны хөлийн булчинг тас цохисонд Мазаалай дайснаа даран ойчингуут, Залуудайн эсэргүүцэл махчны борвиноос шүүрэн унагасанд Залуудай дайснаа цохин даржээ.
Тулалдаанд хэн дийлж хэн дийлдэх нь илэрхий болсон боловч шар махчны амьд үлдсэн хэд нь галзуу догшин болсон юм шиг урхиран байлдаж галын гэрэлд шуухинан амьсгаадаж, сөөнгө хоолойгоор хашгиралдан жад сүх мөргөлдөх, цавчилдах чимээ үргэлжилж, унасан нэг нь цус нөжөө цувуулан, тэсгэлгүй хорссондоо Чонос эрчүүлийн хөлийг нь гартаа дайралдсан мод чулуугаар цохилж байв.
Шонхлой хэдэн сумаа унасан дайсны биеэс суга татан түүж аваад тулалдаж байгаа махчныг харван унагаж эхэлсэнд Мазаалайн том сүх лүс лүс бууж Чонос дайчны байлдааны уриа улам чангаар дууршиж удалгүй сүүлчин Шар махчин, ихэрэс Бухын сүхэнд толгойгоо хага цохиулан ойчлоо. Дайсан дарагдаж, гагцхүү хүнд шарх олж газар унасан хэдэн Шар махчин амьд үлдсэнийг тулалдаанд халж хорссон эрчүүл цохин алж гүйцээд хагас цагийн өмнөхөн их түүдгийн дэргэд хэвтэх нь хэвтэж, суух сууж байсан Шар махчин цөм алагджээ.
Дайснаа дарсан Чонос, Шонхолойн мэнд гарсанд баярлацгаан, цус болсон Шар махчны хүүрийг түүдгээс баахан зайдуу нэг газар чирч аваачаад, зэр зэмсгээс нь бүтэн үлдсэн сүх, бороохой жадны зарим нь галын дэргэд хурааж, зарим нэг нь шарх олсон нөхдөө сувилж, Чонос дайчны үхсэн хүнийг бүртгэвээс хоёр хүн амь алдаж, нэг хүн маш хүнд шарх олжээ.
Поодой бөө, шарх ологсдыг сувилж аман дотроо юм шивнэн нэг уутан дотроос эмийн навч үдэш амжиж түүснээ гаргаж шархан дээр нь тавин, өвс жийрэглэж нэг Шар махчны сармай дээлийг зүсэж ороов.
Тулалдаанд халсан эрчүүл дэргэдэх нэг горхины усаар нүүр гараа угааж сэрүүцээд, түүдэгт түлээ нэмж, гал тойрон сууцгаагаад Шар махчны идэж бараагүй тураг гөрөөсний махнаас эвдэж шарцгаан, дайсны биеэс хураасан сав саалийн дунд хэдэн гавал аяга байсныг сонирхон үзтэл, Поодой, нэг тос шингэж шаралсан гавал аягыг гартаа эргүүлж гадна дотроос нь ажиглан үзээд,
- Тэр жилийн намар манай өрх айлыг Шар махчинд идэгдэхэд дайсанд автагдсан манай авгын толгойгоор хийсэн аяга байна. Хөмсгөн дээрээ шархтай хүн байсан юм. Тэр шархны сорви энэ байна гэж сэтгэл хөдлөм дуугарав. Шонхолой тэр гавал аягыг Поодойгоос аваад,
- Нээрээ, Тэх авгын толгойгоор хийсэн аяга байна шүү. Сорвины нь ором ёсоороо байна. Одоо ч хөөрхий Тэх авгайн өшөө авлаа даа бид гээд тэр аягыг Поодойд эргүүлж өгөв.
- Одоо яахав? гэж Залуудайн асуухад, дайсны зүрх сугалж, Тэх авгайн хорслыг тайлан өргөөд, буурал аав ээж сахиусаа тайх сав болгоно гэж, Цахиур хутгаа барин, дайсны хүүр тавьсан газар очоод, баахан удасхийж, цус болсон гавал аягаа бариад эргэж ирэхдээ,
- Нэг муужиртал цохиулсан шар махчин, ухаан ороод мөлхөн зайлжээ.
Та нар, мэдсэн байдал гаргаж битгий тэр амьтанд сэжиг авахуул. Галаа тойрсон хэвээр сууцгаа. Нэг бодвол шар махчны өвгөд , эмс эндээс асар холгүй байж магад. Гурван хүн сэмхэн мөрөөр нь мөшгөж гэтээд, чухам хаана хүрдгийг нь мэдээд ирвэл таарна. Саяны тулааны дуу чимээ арай хүрэхгүй газар бас нэг отог Шар махчин байж магадгүй юм байна. Хэн гурав явах вэ? гэхэд Шонхолой би явъя гэв. Залуудай бас би автайгаа явъя гэхэд Поодой бөө,
- За, тэгвэл бид гурав түлш дөхүүлэх байдал үзүүлж, нэг нэг тэвэр гишүү авчирсан болоод тэр Шар махчны хойноос мөрдөе. Тэр лав биднийг яадаг бол? гээд ажиглаж байгаа байх гээд, гурвуул шугуйд орж, нэг нэг тэвэр гишүү авчираад, дахин шугуйд түлш түүх дүрэм үзүүлэн, сэм өнөөх дутаасан Шар махчны мөрөөр мөшгин одвоос удалгүй харанхуйд хуурай мөчир тас няс хийж, хүн алхах чимээ гарч, Шар махчны нялуун үнэр мэдэгдэв. Залуудай үнэрийг нь авмагц, урт гартай богинохон хөлтэй, бүх биеэр нь шар үс ургасан, ёнхойсон Шар махчинтай саяхан тулалдсан нь санаанд нь орж, дайралцсан дайснаа иддэг заншилтай тэр омогтныг дотроо дургүйцдэг боловч, саяын байлдаанд анх удаа өөртэйгөө төстэй адил хүн, хүн дүрстэй амьтныг алалцсанд сэтгэлд их л эвгүй. Анх гөрөөс алснаас ч бүр аягүй санагдаж нүдэнд тугаарын үхсэн Шар махчингуудын цус нөж болсон, амь тавих үес мэсийн яр бэрд зовон, муухай ярвайсан царай үзэгдэх мэт, ойн харанхуйд тов тодхон шөнийн түмэн хард, ив илхэн, нүд анивч харагдаад, эцгийн хойноос дэмий л алхаж явахад нь, эцэг нь хүүгийн санааг тааж, гараас нь атгаад,
- Хатуужиж яв аа хүү минь! гэхэд дотор онгойж зориг орох шиг боллоо. Чингээд, өнөөр шарван найгаж хааяа амсхийн зогсож аяархан гэлдэрч яваа тэр амьтны хойноос үнэрээ авахуулахгүй гэтэн дагаж явтал гэнэт нэг юм тэр Шар махчныг дүүлэн дайрч амь алдан ёолох дуу гараад, газар хүнд юм пидхийж ойчих чимээ гарав. Чингээд, харанхуйд хоёр том ногоон гал харагдах шиг болсонд
- Хутган соёот бар гэж Залуудайн ав нь шивнээд бүгдээрээ зогсож яахыг ч шийдээгүй байтал сүртэй урхирах дуу гарч, сүүлээрээ пид пад гуядах анир гарсанд, Шонхолой Поодой хоёр, Залуудайг гарган, яахан ухарч маш болгоомжлон буцав.
Тэр аюулт араатан, хүний зайлсан чимээ сонсоод, олзоо харамлахаа байжээ.
Шар махчны хойноос загасан гурван хүн, одоо горигүй боллоо гэж, гал түүдэг дээрээ хүрэх гэж, анир чимээгүй яаран алхалсаар хүрвэл галын гэрэл холоос харагдаж, өнөөх Шар махчны хүүр тавьсан газраас ойн араатны нүд, ногоон гал шиг гялалзан, архиран урхиран хүүр зулгаах чимээ дуулдаж, хүн ойртож дуу гарахд, галын тэнд сууж байсан хүн хариу чимээ өгч, өөдөөс нь тосон ирсэнд, хүүр дээрээ овооролдсон чоно нохой, чононцор, цөөвөр их л дургүй архиран зайлж өглөө.
Шар махчны нэхүүл хийсэн манай гурван хүн, мөрөөр нь мөшгөж яваад, хутган шүдтэд бариулж орхихыг нь үзсэнээ ярьж, бүгдээрээ түүдэг тойрон суугаад, одоо яахыг хэлэлцлээ. Маргаашийн өглөөний өөд улаан нар гартал эндээ галаа түлээд хоноё гэж Мазаалай санал гаргав. Манай Шонхолойг барих гэж овооролдсон Шар махчингаас нэг нь ч амь гарсангүй. Хамгийн сүүлийнх нь хутган соёотын аманд орж саллаа. Бусдыг нь идэж байгаа энэ араатан, нэг ёсондоо бидний манаа. Догшин араатан буюу Шар махчин ирвэл, бидэнд дохио өгнө. Идэх улай байгаа цагт бидэнд бас халдахгүй.
Галаа сахих нэг хүн үлдээгээд унтаж амаръя. Харанхуйд хаана явах вэ? гэхэд нь бүгдээрээ зөв гэж, нэг манаа гаргаад, цөм унтацгаажээ. Чоносын дайчин эрс үүрийн шөнө шувтарч, уул завсарлах үес сэрвээс, ойн агаар маш сэрүүн чийгтэй. Шөнө ээлжлэн манаж байсан хүн, нөхдийнхөө сэрцгээснийг үзээд, галдаа түлээ нэмсэн нь, босоод галын дэргэд дулаацан суух нь Зулуудайд жигтэй сайхан санагдлаа. Шар махчны хүүр чирч урд шөнө тавьсан газрын зүг харваас, юу ч үзэгдэхгүй. Бас шөнө нойр дунд архирах уралдах, юм химхлэх зулгаах чимээ гарч байсан нь дуулдахгүй болжээ. Мазаалай, тэр газрыг нь эргэж үзээд,
- Урд шөнийн Шар махчингаас үнэг шинших яс, үхэр шинших сэвсгүй боллоо. Галаа манадаг ваар савыг нь буцах замдаа усанд хая. Тэгвэл, хойноос нь энд ирэх махчин ч түрүүчийнхээ хүнийг хаана очсоныг нь мэдэхгүй болно гээд, түүдэг галын захад байсан нэг бургасан сүлжээтэй үнстэй шавар ваар заасанд Залуудай Шар махчингууд цахиур хавирч гал асаадаггүй юм уу? гэж гайхан асуулаа. Үгүй, цахиур хэрэглэх аргыг нь олоогүй, явсан газраа шавар вааранд гал манаад авч явдаг юм. Ганцаараа ч холддоггүй бөөн бөөнөөрөө явдаг амьтан.
Зарим цагт эмэгтэйчүүд, хүүхэд багачуул, настангууд нь нэг бөөн, чийрэг эрчүүл нь ч нэг бөөн явдаг ч цаг бий. Чадал нь олноороо явдагт нь байгаа юм. Эмс нь эрчүүлийгээ бараадасхийж бүлэг цүлгээр явдаг заншилтай. Бие биеэ иддэггүй. Бусад хоёр хөлтөн амьтныг хэнийг ч хамаагүй, дийлвэл иддэг муухай улс гэж Ихэрэс Бух өвгөн, Залуудайд хариулав.
Энэ бидэнд хядуулсан Шар махчны эмс хүүхэд нь эндээс асар холгүй яваа байх. Биднийг тэдэнтэй тулсныг арай мэдээгүй байх. Ан гөрөө хийж яваа л гэж бодож байгаа байх. Энэ горхины ус уруудан буцъя. Тэгвэл усан дотор бидний ор мөр үлдэхгүй Шар махчин ч энд биднийг тэдний нэг хэсгийг үгүй хийснийг мэдэхгүй болно гэж Поодой бөө санал гаргав.
Чингээд шөнийн тулалдаанд шархадсан нөхдөө түшилцэн, Чоносын дайчин эрсийн бяцхан баг хүмүүс, горхины усанд орж уруудан нилээд яваад голд хүрч, тэндээс уруудан онгоцоо бургасан дунд сойсон газар амсхийгээд өрх гэрийн зүг чиглэв.


Top
   
PostPosted: Jun.11.16 11:49 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Рэнчин гуайн зохиол гайхалтай шүү.Баярлалаа Блоодоо энэ бас Галын төлөө тэмцэл бил үү бас нэг хүй нэгдлийн тухай ном байдаг байхаа, өр шир мөнгө төгрөг, стрэсс мэстрээс гэхгүй хүй нэгдэлд очиж амьдрах юмсан, тэр том араатан арслан заанд нь бариулчихгүй бол, хаха


Top
   
PostPosted: Jun.11.16 3:33 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Гутгаар бөлөг

ШОНХОЛОЙН ҮЗСЭНЭЭ ЯРЬСАН НЬ

Онгоцоор гол гатлаад өрх гэрийнхээ зүг алхаж явахад Залуудай хүүд их л сайхан санагдаж, Поодой бөө, Мазаалай хоёрын дунд алхаж, тэдэнтэй юм ярилцаж яваа эцгийнхээ чийрэг биеийг араас нь харахдаа, олон ахын хамт аавыгаа Шар махчин дайсны газраас салгаж авсан, байлдан тулснаа санан, одоо ч би эрийн насанд хүрлээ гэж бодож явлаа. Шонхолой аав нь гэдэргээ хүүгийнхээ зүг нэг эргэж хараад магнай тэнийн, ахмад нөхдийнхөө дунд мөр зэрэгцэн алхаж яваа хүүгээ эрхэрлэн мишээж, гараа сунган дэргэдээ ойртуулаад,
- Эцэг хүн, ийм хүүтэй байхад зүгээр биз, Мазаалай? гэж багаасаа сүрхий үерхдэг нөхөртөө баярлан өгүүлэв.
- Манай Чоносын нэг сайн эр болно оо! гэж Мазаалай хүнгэнэн дуугарав. Чингээд, чийрэг гараа сунган манай өрх айл хэвээрээ байгаа биз? Ганц Оодой дарханы гэр нь саяны миний хэлсэн хирисийн хөлд цөмрөөд, засаж амжилгүй, бид чинийхээ хойчоос өчигдөр одсон билээ. Одоо л өвгөн дарханыхаа өрхийг нь засаж өгнө дөө гэхэд Залуудай,
- Одоо бид яг л тэр хирисийн довтолсон газраар явж байна. Тэрүүхэнд намайг дайрч унагаад, Туулай хүүг тэнд гишгэж орхисон юм. Мангина тэнд дайруулсан юм гэж, өвч шороо нь нөжинд харласан газар зааж, тэр хирист дайруулсан өглөөний явдал сэтгэлд нь ургав.
Поодой бөө, Залуудайн царайг ажиглан,
- Хүү минь, чи сэтгэлээ дарж яв. Үзсэн харсан юмандаа сэтгэл чинь хэт догдолбол муу шүү. Би чам шиг байхдаа айсан баярласан юмаа мартдаггүй санах бүр сэтгэлд ургаад, хожим зүүдэлдэг болсон. Зүүдлээд өрхөөрөө гарч уулаар хэсч явдаг болсон. Яаж тэгж яваад догшин араатанд идүүлчихээгүйгээ одоо гайхдаг. Нэг шөнө модон дээр гарчихаад, дор минь хээрийн зэрлэг нохой улилдаж байсан. Хожим унадаг болсон. Тэгээд нэг унаад ухаан орж өгөхгүйд, манай аав хэрээдийн хэрээ удган залж, намайг бөө болгосон билээ. Тэрнээс хойш унах минь зогсоод, шинийн есөн, дундын есөн, хуучны есөнд л нэг нэг бөөлдөг боллоо. Чи бас унадаг тусдаг болж очих бий гэхэд нь,
- Үгүй, би унах ч үгүй, тусах ч үгүй. Бөө ч болохгүй. Мазаалай авгын хэлсэн ёсоор Чоносын нэг сайн эр болно! гэж инээв.
Чингэтэл, дэнжийн өрхнүүдийн эмэгтэйчүүд, Оодой өвгөн тэргүүлэн, бүгдээрээ дайчин эрсийн бяцхан багийг тоо бүрэн буцаж ирснийг баярлан үзэж бахдан угтлаа. Эрэгтэй эмэгтэй, хүүхэд багачуул цөм баярлалдавч жаргасан зовсон байдлаа ил гаргах заншил үгүй тул, амь мэнд, бүтэн бүрэн буцаж ирэхийг үл мэдэх аянд одсон хүү, нөхөр, ах нараа угтан тосож, эцэг, эх, үр эхнэртэйгээ уулзаж байгаа тэдгээр хүмүүсийг байдлыг өрнө зүгийн хүн харвал гадагшаа түр зугаацахаар гараад ирсэн хүн уулзаж байна гэж бодсоор айван тайван боловч, гагцхүү нүдэнд баярын шинж тодорсон байдлыг ажиглагсад, голын захад загасчлаад ирсэн улс биш, хэцүү шиг юманд яваад, олзтой омогтой буцаж ирсэн юм байх гэмээр байдал илэрхий ажээ. Шонхолой, Булжуухай эхдээ баруун хацраа үнсүүлээд, ээжийнхээ баруун гарыг илж, баярлан инээмсэглэсэнд, Хойлог нөхрийнхөө аяншиж зүдэрсэн царайд баярын инээмсэглэл тодорсонд сэтгэл зүрх дүүрэн баясгалан төрж нөхрийнхөө шөрмөслөг гарыг аяархан хариу илж, нөхрийнхөө хүрэн улаан царайг дахин үзэж баярласнаа түүгээр илэрхийллээ. Залуудайгаа хацрыг нь илжээ.
Ноход, Шонхолойг таньж, ялангуяа нэг хөгшин гичий баярлан гийнаж, элэг өөд нь асан нүүрийг нь долоох гэж эрхлэхэд, толгойг нь илээд,
- Хөөрхий, энэ Марал намайг мартаагүй байна шүү! гэхэд нь тэр гичий нэрээ дуулаад, бүр ч баярлан, нар зөв тойрон, үсрэн дэвхчиж, нэг наашаа давхин, нэг өөдөөс нь давхиж эрхэллээ. Эмэгтэйчүүд, гадаа задгай гал түлж, загас чанаж, хирисийн мах чанаж, шарах нь шарж, хоол унд хийж гарав.
Эрэгтэйчүүд, Поодойн хирист цөм гишгүүлэн өрх гэрийг очин үзэж, хоолны сүүлээр засахаар хэлэлцлээ. Өрхийн эмэгтэйчүүд, аль хэдийн шинэ багана, сургааг, унь, гишгүүрийн мод, хар модны долон холтос авчирч гүйцээд байсан юм байж. Өрхийн доторхийг бас цэвэрлэж амжсан байжээ.
Балар эртний хүн, хоол олдвол, идэхдээ сайн, эс олдвол өл даахдаа сайн тул, элбэг хоолтой үе дайралдсан цаг асанж. Булжуухай эмгэн тэргүүлэн, аль сайн хоол хийж, бүгдээрээ гадаа наранд сууцгаан, хоолоо маш амтархан идэцгээжээ. Чингээд хоолны сүүлээр өрх айлын эрэгтэй эмэгтэй цөм Шонхолойн хавчаахай нум сумыг их л гайхан сонирхоцгоож, хүний чулуудах, дүүгүүрдэж хүрэмгүй газар юм онон тусаж байх ийм сонин сайхан зэмсэг байх гэж бас байдаг юм аа? гэж гайхан тагнажээ.
- Манай энд ийм сүрхий зэмсэг хийж болдог билүү? Манайхны хэн нь ч гэсэн, энэ зэмсэг хэрэглэж болдог болов уу? Ойр хавьд ийм зэмсэгтэй омог байна уу? гэж бүстэй бүсгүй цөм л их сонирхож, Шонхолойн харвахыг нь тун ч таашаан харцгааж, ийм зэмсэг одоо манай Чонос өрхийн эмэгтэйчүүд цөм хийж хэрэглэх болно гэхэд нь, араатан дайснаас амиа хаацайлж, ан агнахад хөл хурдсаж, гар утассан шиг сонин сайхан зэмсэгтэй боллоо гэж баяр хөөр болцгоожээ. Амьтан хүний гар хөл нь хөнгөн болж, бүгдээрээ Оодой дарханы өрхийг сэлбэн засаж гарлаа.
Хугарсан баганыг шинэтгэн зоогоод, газар шалыг нь чигжээд дөрвөн багана дээр, дөрвөлжин тооно тавьж, дөрвөн талаас нь шургааг унь түшүүлэн тогтоогоод, өрх дотор орох гарах гишгүүрт модны доод үзүүрийг нь газар бөхлөн тогтоож дээд үзүүрийг нь дөрвөлжин тоонын зүүн урд булан хавьд хөдлөхгүйгээр авалцуулаад, хар модны шин долон холтсоор өрхийн дөрвөн талыг бүтээж, ширэг зузаалан тавьж өнгөлөөд, өрх дотор нь хоймор талд өнөөх гайтай хирисийн сахлаг үстэй ширийг чулуун сүхээр цавчиж, Оодой өвгөнд дулаахан зөөлхөн гудас хийсэнд, өвгөн их л баярлан, хоёр эврээр нь анчиндаа жадны гилбэр, шинэ зэвсэг хавчаахай нумын суманд хэрэглэх зэв хийж өгнө гэж амлажээ.
Нар жаргахаас өмнө Оодой дарханы өрх нь шив шинэхэн болж, Чоносын бяцхан суурин өрхийнхөн, өвгөний өрх шинэтгэсэн баяр, Шонхолойн буцаж ирсэн баяр хосолж, идээ хоол элбэгтэйн учир бас найр хийжээ.
Эмэгтэйчүүд, Булжуухайн урилгаар сараана, мангина, гоньдтой холин амт оруулсан загас хирисийн махаар аль амттай гэдэг хоолоо хийж сулхирын гурил хирисийн өөхний тосонд багсарч, шавар, модон тэвшээр овоолон хоол гадаа зүлгэн дээр тавьцгааж бэлтгээд, бүгдээрээ тойрон сууж идэн цэнгэжээ. Хирист мөргүүлж бэртсэн эмэгтэй Пянтуугийн бие чийрэг тул, хүнээр түшүүлэн ирээд, олны дунд сууж тэр элбэг хоол идэх цэнгэлд оролцон, ямар ч эрүүл хүнээс дутуугүй идэлцэж суув.
Ан амьтан, хүний оршин суудаг газраас зайлдаг тул, Чонос омгийн бяцхан суурин өрхийн хавьд ер оготно зурмаас өөр зэрлэг амьтан байхгүй. Элдэв гөрөөс араатан ч өрх айлын хавьд үзэгдэхгүй болсоор удаж, урин дулааны цаг санаа амар суудаг ажээ. Гагцхүү саяын хирис, огт санамсаргүй үзэгдэж үймүүлсэн ажээ. Өмнөх голыг зун цаг бас араатан гаралж ирдэггүй, зэлүүд бөглүү, айван тайван нутаг ажээ. Чингээд тэр орой Чоносын өрх айлынхан санаа амар, сав дүүрэн, үдэш дулаахан. Гадаанаа бүгдээрээ зүлгэн дээр сууцгааж Шонхолойг хаана явж, сонин юу үзсэнээ ярьж өгнө үү гэж тойрон суужээ. Садан олонтойгоо дахин нүүр золгосонтойгоо хэт баярласан Шонхолой олны хүслийг дуртай дагаж үзэж өнгөрүүлсэн юмаа ярьсан нь:
Голын зүүн урд дахь эзэн толгойн аманд Оодой ахын өрх сууриныг шах махчин дайран идэхэд би бороохойгоор цохиулаад ухаан алдчихсан билээ. Хичнээн болтол хэвтсэнээ бүү мэд. Нэг мэдэхнээ, хоёр гар хүлээстэй хэвтэж байлаа. Сэм ажиж харвал Оодой өвгөн ч үзэгдэхгүй, манайхны хэдэн хүн ч үзэгдэхгүй, Шар махчингууд өрх сууриныг эзлээд хүний мах идэн жаргаж суух нь харагджээ. Таньдаг хүнийхээ толгойг сүхээр хага цохиулж тархийг нь идүүлж байхыг харахад эвгүйг хэлэх үү гэхэд сонсогчид махчныг их л зэвүүрэн шуугилдав.
- Хүний махаар найрлаж цадаад үхсэн махчнаа эзэн толгойн энгэрт амыг нь хүний өөхөөр тосдоод тавьж, олзны хэдэн хүнийг, идэж бараагүй мах үүрүүлэн туугаад явахад би ч бас гар хүлээстэй, хүний өрөөл мах ачаастай туугдлаа шүү. Их уул давж хоёр хоног яваад бас нэг бүлэг махчинтэй нийлж найр хийхэд олзны хоёр залуу алуулж махчинд идүүллээ. Их уулын модон дундуур явахад Шар махчингууд модонд ургадаг мөөг их түүж, нөгөө бүлэг махчинтай найрлахдаа тэр цоохор мөөгнөөсөө идэж жигтэйхэн согтжээ.
- Согтохдоо яадаг байж вэ? гэж Поодой сонирхон асуухад, согтохдоо их үг олонтой, сайхан зантай болоод царай зүс нь улаан зээрд болдог юм билээ. Босоод явахдаа шарваж гуйвдаг тийм болчихдог юм билээ. Тэр шөнөдөө согтоод их бөх унтсанд нь би амьд үлдсэн хэдэн шарнуудынхаа хүлээсийг нь тайлаад цөмөөрөө орголоо. Оргож яваад үүрээр алмаст баригдчихлаа. Унд хоол муутай яваад хол зугтааж чадсангүй.
Дороо гүйцэгдлээ. Зэр зэмсэггүй оргож гарсан болохоор улаан гараар тулаад дийлсэнгүй баригдлаа. Алмас гэдэг сонин амьтан юм байна. Зарим отгийн энэ алмас нь зундаа бүлэглэн нийлээд явдаг юм байна. Бид тийм нэгэн бүлэг эм алмаст баригдаж орхилоо. Хор хийхгүй боловчиг, биднийг бас тавих дургүй дагуулаад их цөлийн зүг явжээ. Хэл мэдэхгүй буйлахаас өөр дуу гарч чадахгүй. Гал гэж мэдэхгүй. Унтахдаа, биднийг дундаа хавчаад унтдаг. Хөдөлбөл сэрчихдэг. Гурав хонохын даваан дээр Шар махчинд хөөгдөөд, сарны гэрэлд шөнөжин дутааж, үүрийн гэгээ шарлахад нэг их уулын ам өгсөж, орой дээр нь гармагц, бөөн алмас дээр орж ирлээ.
Манай алмасуудын сандарсан байдлаар тэр уулын алмас, дайсан биднийг хөөснөө мэдээд, шуугилдаж, чулуу мод шүүрэн тулахаар шийдсэн бололтой. Манай хойноос хөөж яваа Шар махчны барааг хараад дайсан гэж таньсан шинжтэй шар үс нь сөхийж, урхирцгаан, адуун чулууны ард нуугдацгаан дайсны ойртохыг амдан тослоо. Би ч хэдэн шарнуудтайгаа бас нэг мод бариад, алмастайгаа нийлж Шар махчинтайгаа тулахаар шийдлээ. Бидний хойноос хөөсөн Шар махчин гараад ирэхийн хамт, алмасууд урхиран дайрч, том том чулуугаар чулуудлаа. Хэдэн махчин, тэдний чулуунд цохиулж уналаа. Алмас баярлаж дайран ороод махчинтай ноцолдлоо. Манай шарнууд ч зоригжиж бороохойгоороо цохилон орлоо. Цочмог дайруулсан махчин хэдэн хүнээ хороолгоод, ухарч алмас гардан тулалдахдаа их бяртай, шарх даахдаа сүрхий тул, ноцолдлоо. Алмас эмс ч мөн бяртай зоригтой байж, том том чулуу шидлэн сүрхий туллаа. Шарнуудын маань хоёр хүн нэг том махчинтай тулаад жаданд нь чичүүлж унаад доошоо чирүүллээ. Хойноос нь би хэдэн алмастай гүйж, мөрөө жадлуулаад ойчиж одоо л үхлээ гэж бодсон. Алмас олон байсан төлөөдөө амь гарч, махчин уруудан дутаалаа. Тэгтэл алмас эргэж ирээд, намайг үүрэн, бас нэг шархадсан шарнуудыг түшин уулынхаа орой дээр гарлаа. Тэндээс алмастайгаа хамт навч шарлаж намар болтол явлаа. Амьд үлдсэн ганц шарнууд маань шарх нь эдгэрэвч бие нь муудаад шар навчаар нас элэгдээд би ганцаар алмасын дунд үлдлээ. Тэднээ орхиод явах гэхэд надаас салдаггүй. Шөнө болоход би цахиур хавирч гал түлдэг. Тэд маань гал түлж чадахгүй. Дулаацахыг мэддэг. Дагасан алмасаа цохиж унагаад оргох гэхэд бас аминд минь орсон амьтныг алах нь бас тусгүй шиг санагдаад салъя гэхэд тавихгүй нь бас хэцүү. Тэгж байтал намар их цөлд нэг хэсэг сүхтэй жадтай гөрөөчинтэй дайралдаад алмас маань зугтааж би юу ч болсон төстэй хүнтэй нийлж үзнэ гэж зугтаалгүй хоцроод тэдэнд баригдлаа.
- Достум, гель манда гээд, тэдний тэргүүлэгч нэг хүдэр эр намайг алмаст олзлуулсан хүн гэж сүрхий найрсаг байлаа. Хэл сайн мэдэлцэхгүйд хоорондоо шулганалдаад, нэг хижээлхэн анчин, харин манай үг бага зэрэг мэддэг байж, намайг баарин уу? гэж асууж. Биш, Чонос гэхэд, танайхантай үг нэгтэй баарин омогтон бидэнтэй найртай сайн байдаг. Тэдэнд чамайг хүргэнэ гэж биеэ Теке омогтон гэлээ. Тэдэнтэй явах болж, хамт өвөлжөөд хавар тийшээ нэг хэсэг Теке гөрөөчнийг дагаж, баарины газар хүрлээ.
Нээрээ ч манайхантай үг төстэй омгийн улс байлаа. Тэндээс хорчин омгийн газар хүрлээ. Бас л манайхантай үг нийлдэг омогтон. Тэдний хэрэглэдэг зэмсэг нь миний энэ нум даа. Нангиа гэдэг омгийнхонтой арилжаа хийдэг улс байж, тэр хорчин нутгаас нангиа омгийн газар хүрэлцэж энэ Ихэрэс Бух ахтай дайралдан танилцлаа. Хойд зүг, Бай кул-баян уул гэдэг их усны хөвөө нутагтай гэж, хөл газраас нангиа омгийн газар хэл нэгтэй хүнтэйгээ дайралдаж, газрын холыг үзэж, сонсоогүй юмаа сонсож, үзээгүй юмаа үзэж ирлээ дээ.
Нангиа омогтон чулууны эзэн юм байна. Тэдний урчуулаас их юм сурч ирлээ. Тэгээд хоёулаа ууган нутагтаа буцах гэж хэлэлцээд алсын замд зорьж бэрхийг туулсаар, өрх омгийнхоо олон та бүхэн дээр мэнд хүрч ирлээ. Ганц ганцаараа бол ийм хол аянд бэрх даваа, давж ирэхийг санашгүй хэрэг. Бие биедээ туслалцаж нэг нэгэндээ түшиг болж явсны ачаар бас та бүхний тэнхрүүлсний ачаар махчны аманд оролгүй гэртээ эсэн мэнд ирлээ дээ.
Хорчноос нум хэрэглэн харвах арга сурснаа та бүхэнд зааж өгнө. Нангиа нараас чулуу засаж өнгөлөх арга сурснаа бас Оодой дархан ахдаа үзүүлж өгнө. Чонос омогтоо хэрэгтэй юм энэ хэдэн жилдээ олзлон баригдан явахдаа сурч ирлээ. Дэлхий юутай уудам олон омгийн хүн юутай сонин бэ гээд нүдэн өмнө нь үзэж өнгөрүүлсэн түмэн сонин үзэгдэх адил нүдээ анисхийн чимээгүй боллоо.
- Шонхолойнхоо сурч ирсэн сонин юмыг нь бид хийж сураад, халдах дайсан аюулт араатнаас айхгүй чадал ихтэй аж төрөх сайтай болох маань болтугай даа гэж Оодой өвгөн Шонхолойн яриаг бахдан дуугарч за одоо үдшийн сэрүү татлаа. Түүдэг галын түлээ түлш, хүүхээд, түүж бэлтгэ гэхэд залуу эмэгтэйчүүд түлээнд явлаа.


Top
   
PostPosted: Jun.12.16 11:39 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Дөрөвдүгээр бөлөг

ХАРВАН СУРЦГААСАН НЬ

Шонхолой, алс газар сурч ирсэн сонин юмнаас нум сум хэрэглэх арга Чоносууддаа зааж, хорчин омогтон энэ модон дүүгүүрээ нум гэдэг юм. Нумаар харвадаг жадыг хор гэж нэрлэдэг юм гэлээ. Бас зарим нь годоль гэж хэлдэг юм билээ гэж сумын байдлыг танилцуулан, нэг үзүүрт нь зэв гэж чулуу буюу ясаар хурц ирт юм хийдэг юм. Нөгөө үзүүрт нь нумын хөвчинд годлио тогтоохоор они гэж хөвч зуух ам гаргаад, онины хавьд нь шувууны өдөөр өдөлдөг юм. Тэгвэл, харвасан хор гэдэг годоль нисэхдээ шарвахгүй эгцээрээ шуугин очиж харван шаана гэж, нум сум хийхийг зааж Оодой өвгөн, Поодой бөө, Залуудай, Мазаалай нум дархалж ойн олон модноос онцгой шулуун сүхээрээ тайран засаж Шонхолойгоор заалган бие биедээ таарсан нум хийж нумынхаа хэмжээнд годилын мод хатааж, Оодой өвгөн, өнөөх хирисийн эврээр сумын зэв хийжээ. Ихэрэс Бух өвгөн чулуугаар сумын зав дархалж заримыг нь цахиур чулуун хасуураар галт уулын шил чулуу засаж хожим бас ирмэгтэй том цахиур дөшийн тушаа хөндий шиг барьж байгаа, тун чадамгайгаар няслан, ир ирмэгийн засан боловсруулсан таатай гоё зэв болжээ. Зарим зэвийг шар цахиур, улаан хүрэн цахиур, ногоовтор маш хатуу хас тэнигэрээр хийсэн нь алсын замд түүж явсан зарим чулууг хэрэглэж, зарим нэгэн чулуу нь Оодой дарханд байсан ажээ. Оодой дарханд ооны хүзүү байснаар хөвч хийж, Чонос омгийн өрх айлын анхны харваач нар, Шонхолойгоор заалгаж харваж сурцгаалаа.
Хирисийн махыг урт нарийн зүсмээр наранд хатааж анчны барьсан тул, хилим, цурхай зэрэг том загас бас давслан хатааж, хоол элбэгтэй байгаа учир, эмэгтэйчүүд янз бүрийн өвс ногоо түүж базаан идэх юмаа тасалдаагүйн завшаанд Чонос өрхийн эрэгтэйчүүд харвах сургууль өдөр бүр хийн сонирхож, холын харвалт Мазаалай, онолд Залуудай, дараа нь Паалиа орж, ясан булцуу хийсэн сумаар тулын арьсан бай өдөржин харвадаг байлаа.
Чингээд нэгэн өглөө эртэлж Залуудай, Паалиа, Алцгар гурав хавчаахай нумаа хэдэн годилтой аваад голын зүг очжээ. Нэг тохойд галуу нугас олон байсныг ойртосхийн очоод гурвуул зэрэг харваж, нэг галуу, хоёр нугас унагаж, тэр олзондоо омогшиж бас явсаар, арваад галуу нугас харваж, хүзүүгээр нь дурсаар холбоод, бургасан дунд өрхийн зүг чиглэсхийн явтал Алцгар гэнэт цочиж нөхдүүддөө уснаас гарч яваа нэг аварга могой заан, тэсэлгүй эмээжээ. Хүний дайтай бүдүүн аварга могой голын уснаас мултран гарч, өглөөний хүйтэн ус туулж гарсан тул, царцуу юм шиг хөдлөх нь хөшүүн маш яаралгүй ажээ.
Гурван залуу, ерөөс тийм том могой байдаг гэж сонсохоос биш, барааг нь ч урьд өмнө үзээгүй тул, тэр муухай том амьтныг гулдарч явахыг хараад айдас нь хүрэвч хүч хурдыг нь мэдэхгүй. Гагцхүү, бяцхан толгойтой муухай хүйтэн харцтай нүдийг нь бургас өвсний завсраар харахдаа дотор нь аягүй болж огт чимээ анир гаргалгүй, сэм эмээн ажиглаж байв.
Тэгтэл, нэг бор гөрөөс өндөр өвсөн дотроос хөөрхөн толгойгоо цухуйлган нарийн жимээр усны зүг явснаа салхинд гэнэт хүний үнэр авч сэжиглэн зогстол, аварга могой агшин зуур ухасхийж, тэр бор гөрөөс рүү дайран орлоо. Шур хийх чимээгээр нь бор гөрөөс үсрэн дүүлтэл, аварга могой сүүлээрээ гөрөөсийг газар буухаас нь өмнө цохин унагаж эвхрэн ороогоод хөөрхий гөрөөсний яс нь шажигнан хэмхрэх чимээ дуулдаж, амин лугаа хагацах дуун гурван залуугийн чихэнд хангинав.
Чингээд аварга могой, амаа нэг ихээр ангайж, залгиж эхлэв. Залуудайн дотор тэрнийг хараад арзас хийж, урд дүүгүүрээр гөрөөс чулуудан унагаж нуруу хавиргыг нь хуга ороосон гөрөөсийг толгойноос алахыг ч үзсэн чоно цөөвөр олон шарнуудыг хөөж, гөрөөс барихыг үзсэн боловч ийм жигшүүртэй муухай аварга могой, тийм хөөрхөн амьтныг дүүлэх хооронд нь сүүлээрээ цохиж унагаад яс үсийг нь нажигнатал ороож алахыг үзээгүй тул, хөөрхий гөрөөсийг тэсгэлгүй өрөвдөж, өөрийн эрхгүй шилдэг годилио онилоод, гөрөөсний тэгэн дундуур залгиж амжсан аварга могойн хүйтэн харцтай муухай нүд рүү нь харваж орхилоо. Сайн шагайсандаа тэр билүү, азаар оносондоо ч тэр билүү, сум нь шав хийгээд тэр аюулт аварга могойн нүд рүү ороод, шилэн хүзүүгээр нь цухуйжээ.
Хэвлээр явагч тэр үлэмж биетэй амьтан сүүлээрээ шуугитал шарваж, бургас хайлс хуга цохин том эрээн бие нь нэг эвхрэн зангирч, нэг задран тэнийхдээ ойр хувийн мод чулуу булгалж, сүртэй юм боллоо.
Гурван залуус ухаан алдан сандарч дэмий л урхан зайлсхийж аюун харваас, тэр аварга могой ийш тийшээ өнхрөн сүүлээрээ өвс мод саахад нь их муухай үнэр ханхлан, толгой сүүл нь нийлэн дээшээ дэгдэж, хажуу тийшээ савж өнхрөх нь маш сүртэй. Ойр хавийн усны шувуу тэр чимээгээр үргэж, нугас, галуу, тогоруу, цахлай сандран шуугилдан ганганах дуу шуу гарч сүрхий юм боллоо. Аварга их могойн өнхөрч байсан газрын бургас мод ч хуга нуга цохиулж, үндэс орвонгоороо сугарч нэг хэсэг шугуй, өвс ногоо, олон бодонгийн онгичсон буюу сүрэг арслан заан ухсан газар шиг боллоо.
Эвхрэлдэн тарчилж байгаа тэр аварга могойг дахин харвах гэснээ, хаана нь ч харвахыг гайхан бас сумаа эвдүүлнэ гэж хайрлан, дэмий л харж байтал, тэр том амьтны догшин хөдлөх нь намдасхийж, биеий чичигнэх болсонд үхэж байгаа юм байна гэж сая ухаараад, айж сандрах нь гайгүй боллоо. Аварга могойн ангайсан амнаас гөрөөсний бөгс нь цухуйсан хэвээр могойн эрүү нь зуурч аюултай их хүчтэй сүүл нь мод чулуу ховх цохин ширвэх нь намдсаар тэр аварга амьтны бүдүүн урт бие нь сунан хөдлөхөө байж, гагцхүү сүүлийн үзүүр чичив таталдах боллоо.
Залуудай зориг орж хавчаахай нумандаа бас нэг сум онилон могойн элэг рүү нь харваад үзтэл, лүс хийгээд сум шаавч могой хөдөлсөнгүй. Хоёр нөхөд нь бас зүрх орж нэг нэг харваад үзсэн бас хөдөлсөнгүй. Тэгэхэд нь маш болгоомжлон ойртож үзвээс үхжээ. Сүүлээс нь татаад үзэхэд хөдлөхгүй тул, холуур тойрч толгойн урдаас очиж харваас бор гөрөөс хагас залгисан том ам нь зуугаастай. Өрөөсөн нүдэнд нь шигдээстэй сумны онь хавиас аяархан барьж татваас, могойн толгой хөдөлхөгүй боловч сум тийм амархан сугарах шинжгүй тул, Залуудай зүрх орж, бүснээс зүүсэн аавынхаа бэлэглэсэн хас тэнигэр сайхан сүхээр могойн толгойг тас цавчин, гөрөөс залгисан тэр чигээр нь салгаж аваад гурвуул модонд арай чүү гэж дамжлан өрх гэрийн зүг маш баяртай чиглэв.
Гурван залууг нугас галуу харваж бас аварга могойг ганц сумаар алсанд их гайхацгааж, бүгдээрээ шахуу тэр могойг үзэхээр очлоо. Чулуун сүхээр хэсэг хэсэг цавчин эвдэж, идшиндээ нийлүүлэх гэж үүрэн авчирч бөөн их баяр хөөр болцгоолоо.
Амьтан халдашгүй аварга их могойг ганц хор годилиор алсан Залуудай маань сайн анчин эр болох юм байна гэж Оодой өвгөн эрхий хурууг нь хирисийн өөхөөр түрхэж
Омог олондоо түшиг
Олон нөхөртөө жишиг
Өрх олондоо тэргүүн
Өвгөн настандаа тулгуур
Алжаахыг үл мэдэх биетэй
Айхыг үл мэдэх зоригтой
Энэрэх сайхан сэтгэлтэй
Элбэрэлт сайн хүү болоорой!
гэж ерөөжээ.
Ахас дээдсийн сургаал ерөөл бат оршиг гэж Залуудай хариу ёсны үг хэлээд, омгийнхоо олны баярласан царайг харахдаа, өөрөө бас цээж дүүрэн баярлав.


Top
   
PostPosted: Jun.12.16 12:45 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
mark

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jun.13.16 5:18 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тавдугаар бөлөг

БУХ ӨВГӨНИЙГ ҮДСЭН НЬ

Чонос омгийн өрх сууринд Ихэрэс Бух өвгөн бие сэтгэл амарч, аян замын чилээ гаргаад элбэг хоолонд тэнхэрч нутаг усандаа буцах асан гэж алс хойд зүг, Бай Кул гэдэг баян нуур усандаа хүрэх хүсэлтэй болжээ. Сэрүүн хүйтэн улирал өдөр ирэх тусам ойртож байгаа тул, урин дулаан байгаа цагт алсыг зорин явсуу. Хойшоо чиглэсэн их ус дагавал, давдуу Бай Кул их нуурт цутган орох мөрөн гол дагаж, нутгаа хүрнэ гэж ярьдаг болжээ.
Хамт холхи Нангиа газраас бэрхийг туулан давалцаж ирсэн нөхрөө ганцааранг нь яаж явуулахав? Би үдэлцэж өгнө гэж Шонхолой холын аянд зорилоо. Залуудай бас эцгийгээ дагаж явна гэсэнд, асар цааргалсангүй. Мазайлай явалцах гэсэнд, өрхийн хамгийн чийрэг бяртай эр олон хоногийн холын аянд явбал, араатан дайснаас хамгаалах түшигтэй чийрэг хүнгүй бэрхтэх болов уу гэж Шонхолой татгалзаад хашир өвгөн шарнууд Оодойтой зөвлөн хэлэлцэн өвгөн бас Мазаалайг өрх гэртээ өмөг болж байвал таарах вий. Өнөөх шар махчны нэг отог нь гол гарч ирвэл, хүн бүлгүйдэж хэцүүдвэл яана? гэж бүгдээрээ хэлэлцээд Мазаалайгаа үлдээхээр болжээ.
Хойд өдөр нь эртлэн Ихэрэс Бух өвгөн, Чочос, Шонхолой, Залуудай умар зүг чиглэн гарчээ. Бух, Шонхолой хоёр нэг нэг жад, нэг нэг хавчаахай нумтай, хэд хэдэн сумтай, бүснээсээ нижээд сүх агсчээ. Залуудай хавчаахай нум сумтай авынхаа өгсөн хас тэнигэр сүхтэй явжээ.
Хойд зүг чиглэн явсаар хэдэн даваа даваад, үдшийн бор хоногт нэг хадан хонгил олж, амсарт нь том чулуугаар хашлага хийгээд, гурван хүний хэвтэш өвсөөр засаж бэлтгээд өдөр харвсан хоёр тарвагаа боож оройн хоол хийлээ.
Тэнгэр маш цэлмэг, навч шилмүүсний үнэр ханхалсан агаар тун сайхан тул хадан хонгилын гадаа нь, галынхаа дэргэд хэвтэн амарч байтал, нар жаргаж харанхуй бүрэнхий болсоор сэрүүн салхи татаж, модон дотроос хоёр бор гөрөөс гүйж гараад, гал харж баахан гайхан зогсосхийж, хүний үнэр аваад, год хийн үсэрч, дахин гүн ойд шурган далд орлоо.
Модны захын шугуй сөөг дотроос бодон гахай гарч ирээд, галын гэрэл үзээд гайхан зогсжээ. Аянганаас мод өвс асаж гал түймэр гарахыг үзэж, галаас айлаг боловч, нэг байрандаа тогтуухан асаж байх гал мяралзан байхыг сонирхон, ойртож дөтөсхийтлээ, хүний үнэр авч түр нэг зогссоноо хүнтэй урьд өмнө ер дайралдаж үзээгүйн дээр, хэр баргийн юмнаас айдаггүй хөгшин бодон тул хүний үнэр авахаар дуугаран, галын зүг ойртлоо.
Галын гэрэл тусах газар хүрч ирээд нурууны ширхэг сэрвийн, мяхар шар соёогоо хяхнуулан зогсож ууртай догшин улаан нүдээ эргүүлэн, үл танигдах хачин гурван амьтан голын хажууд ажиг сэжиггүй хэвтэж байгааг харан, хамраа сарталзуулан харахад нь Залуудай,
- Хүүш гэж хашгиран бослоо. Бодон баахан цочиж гэдэргээ ухраад дуулдаагүй сонин дуутай юм гонзгос гээд босож ирэхэд танихгүй юм бүхэн аюултай байж магад гэж болгоомжлон бас соёогоо хавиран, онигор улаан нүдээрээ Залуудайн зүг гайхан харав.
- Хай гээд Залуудайн гуяа падхийтэл алгадахад, гахай эргээд зугтааж, шугуй руу шурган орох гэтэл нэг аваг эрээн юм бутны цаанаас дүүлэн гарч гахайг нөмрөх шиг болтол, бодон ч ухасхийж, дотроос нь гартал, бөгсөө чирээд шугуй руу шарвасаар оржээ. Тэр том эрээм юм нэг муухай урхираад газар өнхөрч өвс бус маажилсанд галын хажууд хэвтэж байсан Бух, Шонхолой хоёр сандран босож, гурвуул харваас, бодонг дайраад нэг бар, гэдэс салтайгаа соёонд нь хага татуулжээ. Гэдсээрээ орооцолдон ноцолдож аюумшигтай муухайгаар хүрхрэхэд нь модон дотор ан гөрөөсний тэр чимээнээс айж дутаасан чимээ төвөргөөн дуулдаж модны оройд хоноглосон махчин шувууны цочин хагших дуу гарлаа.
Нум жадаа барин, тэр тарчилж байгаа барын зүг болгоомжтой ойртвоос гэдсээрээ ноцолдон тастаж байсан бар ч баахан муужирч, үл танигдах амьтан дэргэд нь ойртосхийхэд, тэнэг уур нь хүрч, нүдний өмнө нь үзэгдсэн шинэ дайсны зүг дайрах гээд бөгсөө чирэн архирч ам юугаа ангайн сүртэй дөрвөн соёогоо ярзайлган урд хоёр хөлөөрөө газар алгадан давштал Шонхолой Бух хоёр харваж, хоёр далаар нь сум өдөндөө хүртэл шаав. Барын толгой доошоо тонгос хийтэл Залуудай урт ишт хас тэнигэр сүхээрээ хоёр нүдэн хооронд нь ишинд тултал цавчин буулгав.
Догшин араатны чийрэг бие нь суларсхийгээд сүүлний үзүүр годгонон бүх бие нь чичигнэв.
Гурвуул сүх, сумаа суга татаад бодонгийн шургасан шугуй руу болгоомжлон ойртвоос, зоогоо тас шүүрүүлсэн гахай, байгаа газраа мэдэгдэн хүр хар хийж, хэвтсэн газраасаа босоод бөгсөө чирч шарвалзан шар хөөс гоожуулан, соёогоо хяхнуулж амиа зүгээр өгөхгүй үзэлцэнэ гэсэн юм шиг анчны өөдөөс муухай дуугарч, хурдалж чадахгүй боловч хадрах санаатай гарч ирлээ.
Шонхолой, Бух жадаараа хоёр бөөрөөр нь зэрэг жадалж бөгсий нь өндөсхийтэл дайран чичсэнд, бодонгийн урд хоёр хөл нь нугарч газар мөргөж ойчлоо. Залуудай бас сүхээрээ хулхи руу нь нэг сайн буулгаад, аяны явган эр хүн тэр мом бодонгийн мах авч явах аргагүй тул гуяын нь тас цавчиж авлаа. Шонхолой бас бодонгийн соёог нь булга цохиж аваад хүүгээ явуулж галаас цучил авчруулан барын дэргэд гал асаалгаад Бух өвгөнтэй хоёулаа чулуун хутгаар шаламгайлан өвчөөд, эхдээ барын цөсийг аваачиж өгнө гэж салгаж авлаа. Бас соёог нь сайхан зэв болгоно гэж цохиж авлаа.
Тэгээд хадан хонгилынхоо тэндэх гал дээрээ очиж, галаа сэргээж, барын арьсаар гурвуулаа цахиур хутгаар эсгэж нумныхаа үйсэн саадаг, хор гэдэг годоль сум хийдэг үйсэн хоромсогоо бүрэх бүрээс, хөлдөө тааруулан барын арьсан чархи гэдэг гутал хийж, нойтон дээр нь ясан шөвгөөр сүлбэж нүхлээд тасмаар хэлхэж шагайгаа тойруулан боогоод, хатахад яг хөлийн хэвээр хөнгөн гутал болдог бар чархитай болцгоож, Бух, Шонхолой хоёр Залуудайгаар гал түлүүлэн сахиулж үйсэн саадаг хоромсогоо ясан шөвөг зүү, шөрмөс хэрэглэн, барын арьсаар төдхөн бүрж гүйцлээ.
Тэр хооронд Залуудай, галдаа түлээ хийж, харанхуйн зүг тэр бодон бар хоёрын хэвтэж байгаа газар нүд чих тавин сууваас, цөөвөр ирээд, сүүлээр нь чоно, дараагаар нь ийнэ гэдэг өндөр цээжтэй, шовтон бөгстэй, хүн инээсэн шиг муухай улин инээдэг цоохор араатан ирж, бар бодон хоёрын улай дээр архирах хурхирах, улих гийнах, ноцолдох зуулцах аних чимээ гарч байхыг ажин сонсож суув. Чингэж байтал, чоно зугтааж ийнэ зам тавьж, цөөвөр гаслан бутартал нэг нь зайлж амжилгүй сүртэй том амьтны том тавхай дор ганц ган хийгээд няц даруулж, тэр том амьтан, бүх биеэр тэмээний зогдор шиг үстэй, багана шиг бүдүүн хөлтэй, хоншоор дээрээ дэлэм урт эвэртэй, түүний ард нь бас нэг арай богино шиг эвэртэй зантайсан муухай толгойтой тийм нэг сүртэй том амьтан алцганан гарч ирээд, замдаа бут шугуй зулзага мод, бургас, боролжийг огт тоохгүй өвс мэт хага дайран замдаа ямар ч амьтан дайралдсаныг огт хайхрахгүй найхалзан шогшсоор гал түүдгийн зүг зугуухан чиглэхэд, Бух, Шонхолой, Залуудай гурав яаран сандран хадан хонгил руугаа шургав.
Том хирис галын өмнө шогшиж ирээд, хуурай гишүү тас няс хийж дүржигнэн дүрэлзэж байгаа галын яг урд нь зог тусаж онигор нүдээ ууртайяа бүлтийлгэн, хамраа сарталзуулан, жигтэй сонин үнэр үнэрлэн, дэлэм хар эврээ галын зүг чиглүүлэн зогсоод нэг хэсэг шуухинан амьсгалж, шиншлэн зогсож байснаа сөөнгө муухай сүртэй дуугаар буйлаад, урт хар эврийн үзүүр нь галын нөлөөнд халав уу яав, толгойгоо сэгсрэн ухарснаа, яаралгүй эргээд дуртай дургүй цаашаа алхахад нь хадан хонгилд хоргодон хойноос нь харж байсан гурван хүн хавчаахай нум сумтай, жадтай, сүхтэй хэр баргийн араатан дайсантай тулах чадалтай гэж бодож явсан улс тэл лут том амьтны сүртэй байдлыг тулгаран харахдаа, хирисийн дэргэд хорхой шавьж шиг юмгүйгээ мэдэж айн эмээн харж байтал, урамдах мэт чимээ гарч, хар модон дотроос бас нэг аймшигтэй том амьтан гарч ирлээ. Тэр мундаг том амьтны нүд нь ногоон гал мэт үзэгдэж, бүрэнхүй дотор нэг том юм харлан галын зүг айсуй.
Тэр том амьтныг хармагц өнөөх хирис эрчээрээ сонирхон харж, галын дулаан илч нөлөөг их таашаасан бололтой, дүржигнэн асахыг нь том чихээ хөдөлгөн чагнаж, цэцэн нүдээр галын дөл харан зогсож саяхан хиристэй тулсандаа баахан амьсгаадсан мэт, гэдэс нь оволзон байснаа тайвширч, гэнэт галын дэргэд хэвтээд өглөө.
- За, одоо бид ч сайхан манаатай боллоо доо. Энэ арслан зааны энд байгаа цагт бидэнд ямар ч араатан халдахгүй байх гэж хэлээд Шонхолой хадан хонгилоос аяархан гарч,
- Арслан заан, арслан заан чи бидэнд бүү муу санаа! Бид чамд хор хийх санаагүй. Галдаа түлээ нэмээд чамд дулаахан, бидэнд саруулхан болгоё. Манийг сайхан манаж хоноо! гэхэд нь арслан заан, хүний үг дуу сонсоод чихээ хөдөлгөн сонирхож сонсох мэт бөгөөд огт босох санаа үгүй. Гагцхүү цэцэн нүдээрээ битүүхэн ажиглан хэвтэх ажээ. Хирисийг дайран орж ирэхэд бодон бар хоёрыг идэж байсан олон араатан зайлан зугтааснаа, одоо хирисийн цусны үнэрээр дахин цуглан ирж, чоно нохой, цөөвөр шарнууд, ийнэ тэр гурван амьтны сэг дээр овооролдон жижиг араатан томоосоо хулчийж хирисийн цус долоох нь долоож, томчуулын унагасан махнаас самбаачлан зулгааж идэх нь идэж шөнөжин бужигнав.
Соргог нойртой гурван аянчин шөнө ээлжлэн босоцгоож, галдаа үдшийн базааж бэлтгэсэн хуурай урт модноос хийж, үүрийн гэгээ шарлатал галтай, галын дэргэд хэвтсэн арслан заан манаатай хонолоо. Хүнийг аяархан, галд түлээ шургуулахад тэр том амьтан хирисийн дайсан халддаггүй тул, хүнээс огтхон ч айн ширвээдэхгүй, ажиггүй хэвтэн амарч байв. Чингээд үүрээр босоод хар мод руу идээлэхээр яваад өгсөнд манай гурван анчин бас босоод, галдаа гахайн гуяны мах шарж идээд урд шөнө олон араатан бужигнаж байсан өнөөх бодон, бар хирис гурвын сэг дээр очиж үзвэл бодонгоос тас мөлжүүлсэн толгойн ясны төдий үлдэж, барын савар, толгой, тас мөлжүүлсэн хэдэн чөмөг яс үлджээ.
Өнөөх махан уул шиг том хирисээс ганц араг яс нь үлдэж, гэдэс дотор, мах ширгүй болсонд ийм том амьтныг ганцхан шөнийг дотор чоно нохой амархан идэн баржээ гэж гайхлаа.


Top
   
PostPosted: Jun.14.16 10:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3752
Location: Ирмэг
Гоё ном.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jun.14.16 12:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Зургадугаар бөлөг

СӨНӨСӨН ӨРХ АЙЛ ДАЙРАЛДСАН НЬ

Гурван аянчин тэндээс хойд зүгээ барин, өглөөний сэрүүнд алхваас шөнийн элдэв араатны дуу чимээ нам гүм, шүүдэртэй өвсөнд нэг ч амьд амьтан үзэгдэхгүй гагцхүү богширго бялзуухайн жиргэх чимээ дуулдах ажээ. Зүүн зүг наран гарах шахаж, цувж явсан гурван хүний мөр нь шүүдэртэй өвснөө жигтэйхэн тод зурайн үзэгднэм. Эцгийн хамт анх удаа алсын аянд зорьсон Залуудайн сэтгэл урьд өдрийн тохиолдсон явдал, шөнийн хирис, арслан заан хоёрын тулалдсан тулаан зүүд шиг сонин санагдаж хүн хэрэв арслан заантай сайн ижилсэж дасгавал, элдэв араатнаас биеэ хамгаалахад ямар сайн ханьтай болох асан бол гэж бодож явлаа.
Чингээд өглөөний чимээгүй нам гүм цагаар нэгэн хэсэг алхтал, нар ч гарч их сайхан боллоо. Энд тэндгүй хулан тахь, зээр талаар бэлчиж, маш их том эвэртэй үхэр гөрөөс сүрэг сүргээр үзэгдлээ. Тогоруу тоодог, гурван аянчнаас огт айхгүй нар гарснаас хойш аюулт махчин араатан далд орж, айван тайван болсон шинж илэрхий байлаа. Гурван аянчин, хааяа ганц нэг үг солилцон чимээгүй алхлан явсаар, үдийн алдад тэр талыг туулж нэг хөндийд орлоо. Хөндийн баруун талаар модтой, зүүн талд нь сөхийсөн өндөр хадтай, ёроолоор нь ганц нэг хайлаастай, энд тэндээ асгатай газар ажээ.
Нилээд явж хөндийн эхэнд ойрттол, нэг өндөр дэнж дээр хэдэн өрх овойн үзэгдсэнд танихгүй газар танихгүй омгийн улс байгаа нь дайсагнаж ч болно гэж, үхэр чулууны цаанаас тэр өрх гэрийн зүг ажин харваас хүн байгаа шинжгүй мэт. Сэмхэн дөтөлж очоод бас ажин харваас, эзэнгүй болж орхигдоод эвдэрч нурсан ч шинж алга. Нум сумтайдаа найдаж, бас баахан ойртоход, ер нохой шувуу ч үзэгдэхгүй. Хашгирч гууглаад нуугдан харваас, бас амьд амьтан байгаа шинж тэмдэг үгүй.
- Энд лав нэг сөнөсөн өрх айл байна гэж Шонхолойн хэлэхэд Бух өвгөн:
- Сөнөсөн бол учрыг нь магадлая. Ойртож үзье гээд гурвуул тэр өрхнүүдийн дэнж дээр гарваас, чив чимээгүй гагцхүү нэг баахан нялуун өмхий үнэр ханхалсхийх мэт. Баруун урд талын их өрхийн орой дээр гараад, доош нь шагайж үзвэл, хэдэн хүн зүүн баруун талд унтаж байсан шиг хэвтэж байв. Нэг чулуу аваад дотогш нь чулуудаад үзтэл, өрхийн доторх хүн огт эс хөдлөв. Өрх дотроос ялзарч байгаа хүүрийн нялуувтар үнэр гарч байв. Амьд хүн нэг ч үгүй юм байна гээд зэргэлдээ нэг өрх рүү өнгийн харахад, бас л хэдэн эрэгтэй, хоёр нэг нь нүцгэн хүүхэд хэвтэж байхыг ажиглавал хүүхдийн нүүр бие нь хар цоохор болсон байв.
- Энэ өрхүүдийн хүн булт бодоо тусчээ гэж Бух эмээн шивнээд, тэр аюулт бодоо буюу цээрлэж хожмын хүн цагаан бурхан цэцэг гэх зэргээр нэрлэх болсон өвчнөөс өрх айл нилээрээ сүйрч сөнөсөн тэр газраас яаран сандран зайлан одов. Цаашаа нилээд явтал бас нэг хэдэн өрх гэр үзэгдсэнд мөн л хүн хар үзэгдэхгүй тул гурван аянчин тэр хөндийн өрхийн хүн амьтанд аргалах аргагүй хэцүү бодоо тусчээ гэж ойрыг нь дөтлөлгүй бушуухан тойрон өнгөрлөө.
Тэр өрх айлын зүүн хойно нь налуу зоосон урт нарийн модонд янгир, бор гөрөөс, тахийн ширийг толгой шийртэй нь зүүлттэй нь өлгөсөн үзэгдсэнд Ихэрэс Бух өвгөн тэр зүг дохин,
- Манай Бай Кул их нуур хавийн олон омогтны ёсон лугаа юутай адил юм бэ? Бодоо өвчин тусахад цагаан бурхан заларч ирлээ гэж ангаар тахин тайж, арьсыг нь толгой сүүл зүүлттэй нь яг ингэж өлгөж өршөөж өнгөр гэж зүхэж мөргөдөг юм шүү дээ. Энэ хэсэг айлд нэг бөө байж дээ. Зүхэж зүхэж өөр атаатан айл өрх, дайсан омог руу зайлуулан явуулах гээд ядаж дээ. Хэцүү өвчин шүү.
Нэг тусвал толгой тоолсон өрх сөнөхөөс нааш өнгөрөхгүй. Манай газар бас ингэж өрхөөр баларсан суурин олон байдаг. Ганц нэг хүн, хувиа хүртээд амь гардаг ёс ч бий. Тийм хүн дахиж хүртэх гэж байхгүй. Тэр өвчин гарсан газар ядаад хувиа хүртэж байгаа хүнтэй цуг суугаад, унтаад байсан ч гэм болдоггүй сонин юм гэдэг. Би хүн хэд хэдийг үзсэн. Царай нь нэг насаараа цоохор болчихдог юм билээ. Хувиа хүртсэний шинж тэмдэг нь тэр юм билээ гээд тэр сөнөсөн хоёр өрх гэрийнхний булш нь болсон хоёр суурин газрыг өнгөрсөн хойноо:
- Би мартаад нэрийг нь нэрлэж болдоггүй гэж манай нутагт нэрээс нь хүртэл айдаг сүрхий өвчний эзний нэрийг нэрлэж орхилоо. Манийг дагавал яана гэхэд нь Шонхолой,
- Бид өрхөөр нь ороогүй, юмнаас нь аваагүй, хоол унднаас нь идэж уугаагүй. Яалаа гэж бидэнд нэхэн халдахав гэлээ.
- Нэрээ дуулбэл нэхэж дагаад ирдэг юм гэж манай нутагт хэлэлцдэг юм шүү дээ. Би харь газар олон жил тэнэж тэр ёс мартаж орхисноо, одоо санаад зовниж байна. Энэ даваан дээр гараад өчин залбирсуу? гэхэд нь Шонхолой
- Тэр цоохор юмны эзэн биднийг бар цоохор гуталтай, бар цоохор саадаг хоромсоготойг үзээд, бас сүрдэж хамаагүй халдахгүй биз. Өчигдөр бидэнд бар алуулж, арьсаар нь гутал хийж, зэмсгийнхээ савыг бүрэх санаа төрсөн маань энэ сөнөсөн газраар дайран өнгөрөхийн өмнө аюулгүй болгосон юм бишүү гэхэд өвгөний сэтгэл баахан тайтгарч,
- Нээрээ ч тийм юм билүү дээ? гэж баахан зоригжив. Чингээд даваан дээр гартал чулуугаар босгосон бяцхан овоо харагдлаа. Ангийн дал, буга, гөрөөсний эвэр, саарь, сармайн өөдөс тасам мэтийг тавьсан байхыг үзээд Бух өвгөн барсын арьснаас нэг нарийн зурвас өргөж аман дотроо
Сэ-э-эг, сэ-э-эг, сэ-э-эг!
Дайд дэлхийн эзэн таньд
Давшуулж тавьцанд тавинам
Орон дэлхийн эзэн таньд
Олзноосоо оршуулж тавинам!
Барын цоохор арьснаас
Барьсанд тань барьж
Бай Кул нуур нутагтаа
Баяртай хүрэхийн хутаг
Унасан газрынхаа шороонд
Угаасан усныхаа саванд
Зовлон саадгүй хүрч
Золтой жаргалтай буцахын
Дэлгэр их хишиг гуйж
Дэлхийн эзэн танд мөргөнөм
гэж шившин дуудахад нь төрсөн нутгаасаа гараад оно удаж мөрөөдөл болон яваа Ихэрэс Бух өвгөний чингэж шившин залбирч байгааг Залуудай хараад үнэхээр дотроо өвгөнийг өрөвдөж хол байгаа нутагтаа хортон араатанд хорлуулалгүй хүрэх нь болтугай даа! гэж дотроо бодлоо. Шонхолой, Бухын шившин залбирч гүйцсэн хойно өвгөнөөс царайг төв болгон:
- Өвгөн ах хэрэв энэ дайд дэлхийн эзэн нь, та бидний үг мэдэхгүй омогтон байвал яана? гэхэд
- Хэл мэдэхгүй ч гэсэн ёс мэдэх байлгүй дээ. Хүний барьж барьж мөргөж байхыг даанч мэдэх ёстойдоо гэж үнэн голоосоо хэллээ.
Залуудай тэр бяцхан чулуун овоонд тавьсан зүйлийг ажиглан үзвэл шавраар тун аятайхан хийсэн хирис, арслан заан, баавгайн жижигхэн баримал нэг газар тавьсан байв.
- Саяхан хийсэн бололтой. Хур борооны усанд ч муудаагүй юм байна гэж тэр бяцхан шавар дүрсийг ажиглахад нь Бух,
- Энэ л өрхүүдийн хүн амьд байхдаа босгож л дээ. Бөө нь нас барсан байх. Тэгээд энэ хавьд чандрыг нь тавиад өл тавьж босгосон хэрэг. Тэр л хэцүү нэрт өвчний хувийг нь хүртсэн байж болзошгүй гэхэд Залуудай:
- Тэртээ зүүнтээ юу вэ? гэж хэдэн мод зоож, дээр нь индэр шиг юм засаад нэг урт юм тавьж шилмүүс нь шарласан зулзаган мод хатгасан юмыг заан асууваас Бух түүнийг гараа саравчлан хараад, бөөгийн чандарт тавьсан арга гэдэг юм байна. Энэ л сөнөсөн айл өрхүүдийн бөө нь бусдаасаа түрүүн нөгчиж үлдсэн хүн нь бөөгөө тавиад энэ тавьц босгоод сүүлээр нь өөрсдөө тэсэхийн аргагүй бэрх өвчинд автагдан өрх гэр дотроо бие барж л дээ. Манай нутагт ч мөн ийм явдал гардаг даа. Хүн амьтан тийм газар хавьтан ойртдоггүй юм. Шөнө бол бүр ч тэр хавиар айж ойртохгүй. Санамсаргүй дайралдвал тэрнээсээ болоод айж ичиж өвдөх үхэх явдал ч гардаг гэж хэлэхэд нь Шонхолой,
- Айснаасаа л болохгүй юу дээ. Би ер тийм юмнаас айдаггүй. Манай аав ч тийм юмнаас айдаггүй хүн байсан. Айлтгүй ч гэж нэр авсан хүн байсан юм. Нэрэндээ ч зохисон зоригт эр байсан. Их анч хүн байсан юм. Тэгээд ан араатанд яагаад бөө байдаггүй юм бэ? Хоёр хөлт юманд байдаг гэвэл, шувуунд яагаад бөө байдаггүй юм бэ? гэж шарнууд бөө нартай маргадаг асан. Гомдож үхсэн амьтан буг болдог бол, миний алсан ан цөм буг болж намайг хорлох асан. Надад өшөөтэй бөө нар намайг яагаад идэх гээд чаддаггүй юм бэ гэж шарнууд бөө нарт айлтгүй хэлдэг асан. Бугад мөргүүлж нас барахдаа намайг оршуулахдаа чулуун хүрээ бүү хийгээрэй. Би агнадгаа агнаж, иддэгээ идээд амьсгалын минь тоо гүйцэх цаг нь ирлээ.
Үхсэн хойноо сүнс минь шөнө булшнаас гарч та нарыг үймүүлнэ гэж бүү зов. Надаас чадалтай хирис бар, арслан заан, давуу чадалтай юманд автагдаад үхэхдээ ясаа чулуун хүрээгээр хашуулдаггүй боловч буг бослоо гэж би л үзээгүй. Намайг бас бүү хаш. Би үхээд, хүн амьтан үймүүлэхгүй. Амьддаа үймүүлдгээ үймүүлсэн гэж захисан ёсоор нь тавьсан юм шүү. Айвал догшин араатан, хар санаат дайснаас л айгаарай. Амьгүй юмнаас бүү ай гэж надад захисан үгийг нь харь газар хэдэн жил тэнэхдээ би үргэлж боддог байлаа. Хүнийг хүндэтгээрэй, газрын ёсыг дагаарай гэж захисан захиаг нь санаж явдаг гэхэд нь Бух,
- Чиний ав үнэхээр Айлтгүй гэдэг нэртээ зохицсон хүн байж л дээ. Би урьдын юмыг ул, хуучны юмыг худал болгож чадахгүй. Олны шижгээс зөрүүд болж чадахгүй юм даа. Айхад аминд тустай гэж, танихгүй, занг нь мэдэхгүй юм болгоноос айж явагч хүн бий гэж хэлээд за бидний зам хол, ус урт, газраа дөхүүлж үзье дээ гээд давааны ар руу буухад нь Залуудай,
- Манай өрх айлыг хирис дайрахад осолдсон хүнийг оршуулахдаа Оодой өвөө эд нь эзнээ дага гэж арьсан гутал чархий нь хутгаар шарх оруулж байсан. Эд нь бүтэн бол, сүнс нь гардаггүй юм гэж надад хэлж байсан. Танай нутагт бас тийм ёс бий юү? гэхэд Бух,
- Тийм байлгүй яах вэ? гэлээ.
- Тэгвэл тэр арьс нь нэг л ангийн арьс байгаад хэдэн хүний чархи гутал хийхэд, гутал тоолон сүнстэй болчихдог нь ямар учир билээ? гэж асуулаа.
- Тэр нарийн учрыг би мэдэхгүй ээ! хүү минь. Чи Оодой өвгөнөөсөө л асуудаг юм санж. Над мэтийн хүн далд нууцыг учрыг яаж мэдэх вэ? гэлээ. Чингээд, нэг хэсэг чимээгүй явснаа Бух өвгөн, Шонхолой, Залуудай хоёрын зүг
- Далай их дайд дэлхийд дая олны мэдэхгүй юм олон байгааг тоочиж яаж барахав? Урд гарсан чихээс хойно гарсан эвэр гэж хожим хойнын хүн учрыг нь олж, хужрыг нь тунгаах цаг ирэх юм биз дээ. Хоёр хөлт амьтан дотор алмас гэж огт гал мэдэхгүй үг хэлгүй амьтан байхад гал мэдэх боловч цахиур хавирч асааж чаддаггүй, манаж залгадаг Шар махчин байна. Цахиур хавирч дуртай цагтаа гал асаадаг манай Чонос, Шарнууд, Ихэрэс гэх мэт омогтон байна. Бодвол анх алмас шиг л амьтан байж хожим Шар махчин шиг гал манадаг болоод цаашилсаар яваад цахиур хавирч гал асаах ухаан олсон байх ёстой. Тэгэхээс анхнаасаа Шарнууд, Чонос, Ихэрэс мэт цахиураар гал хэзээний асаадаг байгаагүй байх гэж би бодож явдаг. Манай Шарнууд, Чонос, Ихэрэс омогтон огт мэдээгүй нум хор, годоль бид одоо хорчин омгоос олж аваад сурч мэдээд, эзэн нь болоод явна шүү дээ. Нутагтаа би мэнд хүрвэл, харь газар, хол нутаг үзэж, нүд тайлсандаа, Ихэрэс омгийн хүний үзээгүй сонин юм, аж төрөн амь хаацайлахад нь тустай сонин зүйл нилээдийг олж мэдээд омгийнхоо ах дүү нартаа сурган таниулах гэж явна шүү дээ.
Манай Ихэрэсийн үлгэр онтохонд тэнгэрээр халин нисдэг гүн далайн ёроолд ордог чадалтай их эрс гардаг. Би тийм хүнийг үзээгүй. Үлгэрт байсан юм гэж итгэдэг. Хожим хойно, хэт холын цагт над шиг эгэл өвгөд ч бас тийм чадалтай болж агаар тэнгэрээр халин нисээд гүн их далайн усан дотор том загас шиг явах чадалтай болох цаг байж магадгүй юм гэж боддог. Хүн гэдэг хорхой гайтай ухаантай хорхой шүү. Бяр хүчээр эвэртэн, сүүлтэн, араатан, соёотон амьтныг гүйцэхгүй боловч, ухаанаар, хамтын санаа хүчээр даваад байгаа юм шүү. Хирисийн хүү төрөхөөсөө эвэр ургах бондгортой төрдөг бол хүний хүү төрөхдөө хутга сүх атгаад төрөхийг би үзээгүй. Амиа хаацайлж мод чулуу барьж сурснаасаа хойш аргалсаар байгаад хутгатай, сүхтэй, нумтай, годольтой болжээ. Хожим юутай болохыг нь ухаан гүйцэхгүй санаа хүрэхгүй боловч, олон үеийн олон аавын хүү, одооныхоос сонин сайхан юмтай болох байх гэж бодож явдаг даа. Ийм байна даа, хүү минь. Аавынхаа байгаад хүн таньж газрын холыг үзэж явах нь сайхан шүү. Тэгээд чамайг авыгаа дагаж намайг үдэлцэнэ гэхэд би дотроо чамайг их л тоож баярласан. Араатан дайсан байгаа цагт хар санаа аминд тустай боловч дотор сайтай, хүн сайтай байх нь чухал юм шүү хүү минь! гэж хэлээд одоо тэр дор голын хөвөөнд нэг үдэлнэ байгаа. Газар хол аян урт. Амарч явах хэрэгтэй гэлээ.
Бух өвгөний тэр үгийг нь сонсоод Залуудай хүү сайхан дотортой тэр өвгөнд улам ч сэтгэлтэй болж хэлсэн үгэнд нь тун ч сонин сэтгэгдэл төрж явлаа.


Top
   
PostPosted: Jun.15.16 5:22 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Блоодоо найзаа оруулаад байгаарай, удахгүй завтай болохоороо тухтайхан сууж байгаад уншинаа, үнээхээр гайхалтай дүрслэлтэй маш сайхан зохиол шүү,


Top
   
PostPosted: Jun.18.16 1:18 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Долдугаар бөлөг

ОЙН ХҮНТЭЙ ДАЙРАЛДСАН НЬ

Голын эрэг дээр бууж, урд шөнийн бодонгийн шарсан гуянаас идээд, иддэг үндэс төмс ухаж, галын нурманд булж идээд, уснаас ундлан сууж байтал тэр голоос ус уух гэж тахь орж ирлээ. Хүнээс нилээд холхон байсан боловч үнэрийг нь аваад, хамраа дуугаргаж, үргэн цочиж, доошоо нилээд зайлан уруудаад, сая ус уув. Хөлийнхөө хурднаар л хар амиа хаацайлж явдаг тул, өчүүхэн чимээ гарвал сэрэмжилж, аягүйхэн үнэр гарвал, ямар аюул учруулах нь энэ билээ? гэж болгоомжилж явдаг тэр зэрлэг адууг хараад, Залуудай их л өрөвдөж байв.
Модны хаяанаас нэгэн их сүрэг зэрлэг үхэр гарч ирээд яаралгүй голын зүг бэлчсээр дөтлөв. Тугал бяруу нь голдоо, хойно урд нь том том бух явах байдал нь зохион байгуулалттай бөгөөд дайснаас хамгаалан явж байгаа шинжтэйг айван тайван харж суухад Залуудайд сонин санагдаж байв. Тахийн аймхай цочимтгойг бодвол үхэр гөрөөс чадал хүчээ мэдсэн, олноороо сүрэглэж явбал, хирийн дайсан халдаахгүй зохион байгуулалттай нь аятайхан, санагдаж байлаа.
- Чингэж байтал, модны захын нэг хадан хушуу тойроод нэг хүрэн шар олон юм усны зүг чиглэн гарч ирсэн нь гурван аянчны анхаарал татав. Хэдэн зуун арслан заан ус уухаар ирж, голын хөвөөнд эгнэн ороод, ус ууцгаан яв явсаар усанд орж хушуугаараа ус сорж, бие дээрээ тургин асгаж эм арслан заан нь тугалаа дагуулан шумбахад, үхэр гөрөөс хэдийн зам тавьж зайлаад, тахь хатиран уруудаад өгчээ.
Арслан заан, ерөөс хүн амьтанд хамаагүй халддаггүй тул гурван аянчин холоос тэр сүрэг зааныг харж суув. Сүргийн удирдагч хөгшин арслан зааны бие нь сүртэй том, соёо нь хоёр үзүүр нь гадагшаа мушгиран, урт хушуу нь том могой мушгилдаж байгаа юм шиг. Усанд ороод сэрүүцсэндээ баярлан, зарим заан урамдан, хөндий дүүрэн хүнгэнүүлж хаданд цуурай татав.
Голын зүг хүрч ирсэн замд нь бут сөөг няц гишгүүлж, усанд ороход нь тэр хавийн амьтан бүхэн зайлж, ус хүртэл, олон зааны ороход савнаасаа халин давалж байхыг харахад ямар ч араатнаас айхгүй үлэмж их хүчтэн амьтны бүрэн шинж төгс сонин сүртэй үзэгдсэнд, Залуудай тэдгээр цэцэн, сэргэлэн, айван тайван үлэмж биетэнтэй шадарлаж сайн болвол манай Чонос, өрхийнхөнд юутай сайхан болох асан бол? гэж дахин дахин өчигдрийн сэтгэгдэл төрж, нутаг усандаа буцаж ирээд, арслан заантай танилцах арга сүвэгчилнэ дээ гэж бодож суув.
- Усанд орсон арслан заан мөд уснаас гарахгүй байх. Бид газраа хороож үзэх үү дээ? гэж Бухын хэлэхэд Шонхолой, Залуудай хоёр босож, зааны ар хойгуур нь тойрон гарахаар зүглэж алхан явсаар, тэр сүрэг ирсэн замыг огтлон гарвал, хөлд нь хуга няц гишгүүлсэн мод сөөг дунд нилээд хэдэн том могой няцарсан байв.
Заан сүргийн замаар нилээд явж, хөндий уруудсаар тахь, үхэр гөрөөс, ороонго, зээр бэлчиж яваа талд ороод, тэр өвс иддэг амьтан айван тайван бэлчиж байгаа нь, лав айлгах аюултай араатан үгүйн шинж санаа амар явсаар, нар баруунаа хэлбийж буй тул, шөнийн араатнаас амь хаацайлах аятайхан газар эртхэн бууж үзэх юмсан гэж хоногийн газар ажиглан явав.
- Талд хоноход араатан аюултай. Хар мод бараадах юмсан гэж Бух өвгөн уул өөд өгсөж үзье гэлээ.
- Тэр зөв! гээд Шонхолой, баруун талын модны хаяа барьсхийгээд явъя гэж гурвуул ойн зах чиглэн одов. Замд нь алд өндөр өвсөн дунд хэдэн тоодог дайралдсанд, Залуудай нэг том тоодог харваж унагаагаад гэдэс дотрыг нь гаргаж хаяад оройн хоол хийнэ гэж үүрэв. Чингээд модны зах дагасаар явтал нь хэдэн мич модны ёроолоор ургаж байгаа жимс идэж байснаа, хүн хараад, эр мич нь дохио өгч дуугармагц, хэдхэн зулзагатай эм мич, яаран модон өөд авиран гарч, хоёр гурван эр мич модны ёроолд зогсоод үл таних хоёр хөлтний зүг үе үе муухай урхирах дуу гарч, хэнхдэгээ шаан зогсов.
- Бид та нарт хор хийхгүй э-э-эй! та нараас ч айхгүй э-э-эй! гэж Залуудайн хашгирахад, тэр эм мичин, мод түшин зогсоод, чих тавин хүний үг сонирхон чагнаж байв. Чингээд үл таних хоёр хөлт амьтан тэдэнд халдах санаа үгүйг мэдээд, сүр бадруулж, урхиран хэнхдэгээ шаах нь зогсоод, холдож яваа аянчны хойноос модон дээр гараад нилээд удтал харж байснаа, гишүү дамжсаар модон дотор орлоо.
Гурван аянчин явсаар нэгэн хадан хясааны ёроолд босоо хүнээс өндөр том дэвхгэр чулууны дэргэд хүрч очоод, энэ чулуун дээр гарч хоновол муу хонгилоос дутуугүй. Арслан заан биднийг лав дайрахгүй. Хирис дайраад энэ том чулуу хөдөлгөхгүй. Дээр нь гарч чадахгүй. Бодон ч хадран халдахгүй. Барагтай араатан ч энэ чулуун дээр гарахгүй, санаа амар унтаж болох газар байна гэж Шонхолой тэр том чулууг нэг тойрч үзээд гурвуулаа дээр нь авиран гарч үзвэл гурав байтугай тав зургаан хүн зэрэгцэн хэвтээд байж болох өндөр давхар ургаа чулуу байв. Тэр чулуун дээр хонохоор шийдэж, эртлэн түлш бэлтгэж хуурай гишүү түүж, тоодгийнхоо маханд нэмэр болгох үндэс, төмс, мангир зэргийг түүх завсар Шонхолой хус модны үйс хуулж, дөрвөлжин сав хийгээд, галд улайсгасан чулуугаар болгож, шөлтэй хоол хийхийг зэхлээ. Хонох давхар чулуун дээрээ өвсөөр хэвтэш зассаар байтал нар ч жаргаж, чулууныхаа өвөрт авирах чулуу тавиад гал түлж, улайсгасан чулуугаар тоодгоо хорхоглож, хоолоо хийж идээд, галдаа түлээ нэмээд, үдшийн сэрүүнд түүдгийн илчинд тун аятайхан сууж, орчин тойрны үнэр чимээнд хамар чихээ талбин суутал, хүн шиг амьтны үнэр ханхлах шиг болж, садан дайсан алин нь болох бол? гэж байтал хажуугаар нь бас нэг амьтны үнэр гарлаа.
- Бартай л адилхан үнэр гараад ирлээ. Ойд яваа хүний хойноос мөрдөж яваа юм билүү? гэж Шонхолойн нам дуугаар хэлтэл, нэг муухай дуу хангиналаа. Амь алдаж байгаа хүний ёолон бархирсан дуу шиг бөгөөд гаслан хангинах тэр дуунаар Залуудайн бие зарсхийж, гурван аянчин зэвсгээ шүүрэн, хаанаас аюул ирэх нь вэ? гэж тэр дуу гарсан зүг ширтвээс, ой дотроос хүн шиг хоёр амьтан сандран гүйж гараад, галын зүг санд мэнд гүйв.
Байдлы нь харваас, шовтон мөртэй, бөгцгөр нуруутай туранхай биетэй зантгар толгойтой ажээ. Гартаа нэг нэг бороохой шиг юм бариад, маш айж хэлмэгдсэн шинжтэй. Нүд нь бүлтийж, амьсгал давхцан, галын дэргэд гүйж ирээд, гурван аянчны дэргэд хошоод том алхмын хиртэй ойртоод, бүх бие нь чичрэн зогслоо.
Модон дотроос том араатны ялан бахархсан урхирах дуу гарч, олон цөөврийн улин хуцалдах чимээ сонсогдлоо. Тэр чимээ сонсмогц, ойгоос гарч ирсэн хоёр балтгар хүний царайд тэсгэлгүй эмээх байдал тодорч, аман дотроо нэг юм булганасанд Шонхолой,
- Бүү ай. Бидний энд айлтгүй гэж дуугахад нь тайван талбиун дууг нь сонсоод, тэр хоёр гар хөөрхий амьтны дотор нь баахан уужирсан шиг. Амь авар гэсэн юм шиг, гурван аянчны өөдөөс харан зогсоход, галын наад талд , том давхар, чулууны энгэр талд орж ир гэж Шонхолойн дохиход, дохиог нь мэдэж, айж зовсон байдалтай орж ирээд, ойн зүг нэн сүрдсэн байдалтай харж, бүх бие нь чичрэн дагжин зогсов.
- Суу! гэж дэргэдээ газар алгадан заагаад Шонхолой галдаа, дэргэдээ бэлтгэсэн түлээнээс хийж, тэр хоёр хөөрхий амьтны зүг найрсгаар инээмсэглэн харваас, ядруухан бороохойгоо атгасаар тэр хоёр амьтан дэргэд нь суугаад, дүржигнэн асаж байгаа галыг баярлан харж, Шонхолойн зүг нэг юм шулганан, шүдээ ярзайлган, нэг том соёоны дүрэм хуруугаараа үзүүлэн дүүлэн харайж юм барьсан байдал үзүүлэн дуугарахад нь хутган соёот айхтар махчин барт нэгийгээ бариулж сандарсан юм байна гэж гурван аянчин ухаарлаа.
Тэгээд, Шонхолой аман тушаагаа хоёр долоовор хуруугаа урт соёо шиг унжуулав. Нэг хуруугаа гозойлгож, хэдэн араатан бэ? гэж асууваас тэр хоёр хөөрхий амьтан, хүний аймаг болох тул, дохиог ухаарч, хоёр хуруугаа гозойлгон хутган соёот бар хоёр барт дайрууллаа гэж дохиогоор мэдэгдээд, гурван аянчны өөдөөс юм шулганан амь авар гэсэн байдалтай харахад, Бух өвгөн эрхий хуруугаа даран биеэ зааж долоовроо даран Шонхолойг зааж, дунд хуруугаа даран Залуудайг заагаад, нэргүй хуруугаа заан, тэр хоёр хүний нэгийг заагаад, чигчий хуруугаа даран, нөгөө нөхрийг нь зааж, таван хуруугаа зангидан, ойн зүг заасанд тэр хоёр амьтан дохионы утгыг нь ухаарч, хөөрхий царайд нь баярласан шинж тодров. Тэгээд муу бороохойгоо дэргэдээ тавиад түүдгийн халуун нөлөөнд их л жаргасан байдалтай, гал өөд харж, хааяа ойн зүг хулгайн нүдээр харж суухыг нь хараад Залуудай тун ч хөөрхийлөн өрөвджээ. Тэгээд халуун чулуун дээр мөөг тавин хайрч, тоодгийн махнаас өглөө иднэ гэж үлдээснээсээ хоноц хоёр алцгар хүндээ халуун чулуун дээр халааж өгсөнд, тэр хоёр баярлан инээж, маш амтархан, том томоор тасдан ам руугаа чихэж, болсон мөөг, сонгино, цагаан төмстэй мах агшин зуур залгилан идээд, дотор нь уужирч, санаа нь амарч сав нь дүүрсэн байдалтай, гурван аянчны зүг тэсгэлгүй сайхнаар харан инээв.
Гурван аянчин ч тав болсондоо бүл нэмэгдсэн шиг санагдаж хэлээ нэвтрэлцэхгүй боловч дохиогоор ойр зуурын юм нэвтрэлцэж болох байдалтайд баярлацгаав. Чингээд тэр ойн зүгээс хааяа хутган соёотын урхиралдах дуу сонстох тул эртхэн чулуун дээрээ гарч авбал дээр юм уу даа? гэж Бух өвгөн чулуун дээрээ гараад,
- Үгүй энэ чулууныхаа гол дунд нь юм уу, ойн зүг хандсан нэг буланд нь гал түлбэл болох юм байна шүү дээ гэхэд нь Шонхолой
- Тэр зүйтэй! гээд босов. Өнөөх ойн хоёр хүн хаягдлаа гэж бодоод царайд нь нэн айн сандарсан байдал мэдэгдсэнд Шонхолой тэднийг тайтгаруулан түлээгээ нэг заагаад чулуу өөдөө нэг заасанд нь тэр хоёр амьтан санаа нь уужирсан бололтой. Чингээд Шонхолой Залуудай хоёрыг түлшээ чулуун дээрх Бух өвгөнд авч өгөхөд туслалцан ганц бие алцгар намхан тул дээшээ сарвайж гар хүрэхгүй тул Бух өвгөн тэднийг дуудаж наашаа гараад ир гэж дохин сарвайсанд Шонхолой Залуудай хоёроор дамжуулан давхар чулуун дээр гараад нөгөө хоёр анчны дороос өгч байгаа модыг нь Бух өвгөнийг дуурайн дээш нь татаж авцгаав. Чингээд доорх галдаа мод нэмээд Шонхолой Залуудай хоёр гартаа галт цочил барьж өндөр давхар чулуун дээрээ гараад мод тийш харсан буланд нь гал асаалаа. Өнөө хоёр ойн хүн гал асааж байгаа аянчныг хараад их л баярлан жаргасан байдалтай аяархнаар инээж гал дүржигнэн асахыг хүлээж суув.
Галын гэрэлд Залуудай тэр хоёр амьтны бороохойг үзвэл гар барьсан газар нь мөлийсөн нилээд хатуу модоор хийсэн бороохой байв. Юм цохисон шинжтэй зарим газраа амьтны цус болж харласан тэр бороохойн бариул тал нь нарийн шиг нөгөө цохих үзүүр тал нь арай бүдүүн бөгөөд иртэй чулуугаар цохиж зассан мэт байдалтай.
Ойн тэр хоёр хөөрхий хүний бие нь хирдээ шөрмөслөг боловч манай гурван аянчны ханхгар цээжтэй өндөр нуруутай чийрэг биеийн дэргэд сүр муутай, нуруу нь хэтэрхий урт, хөл нь даанч богино бөгөөд хавирга мэт матигар. Бяр тэнхээгээр яасан ч гурван аянчныг гүйцэхгүй. Залуудай, Ихэрэс Бух өвгөн, Шонхолой эцэг хоёроос нуруугаар нэг толгойн дайтай дутуу боловч ойн тэр хоёр хүний дэргэд баатар хүн шиг үзэгдэн тэр хоёр ойн хүн Залуудайн суганд зулайгаараа арай чарай хүрэх балтгар алцгар амьтан байжээ.
Эрт балар цагт гуравдагч галавын үе дэх ойн модонд мичнээс хүн болсон ойн хүний дээдэс нь чулуу хага цохиж ирмэгтэй нэгээр зэмсэг хийж мод бороохой хэрэглэж сураад цөөн хэдэн үгтэй болоод ой дотор идэх жимс ногоо, жижиг ан амьтан олдох нь хялбар тул элбэг хоолтойдоо ташуураад асар хөгжиж чадсангүй.
Тэр учраас цаг байдал өөрчлөгдөхөд тэр байдалд нь зохицон боловсрох ухаан чадал нь хүрэхгүй хоцрогдмол байдалтай хэвээрээ гар хөл ч дүй муутай, үг хэл ч ядуухан, бие бялдар нь ч үзэмж муутай болхи ядуу хэвээр хоцорч тал газар араатан аюул бүр ч илүү учир талын байдалд оршиж чадахгүй чийгтэй модон дотор оршсоор талын хүн ойд орж ирэхдээ шар махчин шиг зарим нэг нь ойн хүнийг идшиндээ нийлүүлж бусад арай илүү боловсролтой отог омгийн хүн гал мэдэхгүй, муу сайн бороохойтой ирмэгтэй гонзгой чулууны зүйлээр хатгах цохих зэвсэг болгосон хөөрхий тэр ойн хүнийг амьтан ч гэж боддоггүй байсан тул махчин нэгэн аймаг омогтонд идүүлж баларснаас болж талын зүг зүглэдэггүй ойд орогнодог ядуу аймгийн эдгээр хоёр хүнтэй манай аянчин дайралдаад эртний тэдгээрийн түүх гарлыг яахин мэдэх ажээ. Тэр хоёр хөөрхий амьтан ч эртнийхээ түүхийг яахин мэдэх ажээ.
Мэддэгээс ойд хэрэн аж төрж юм болгоноос айж гагцхүү өөртэйгөө л омог нэгтэй ойн хүнээс айдаггүй амьтан байжээ.
Тэр үдэш ойн захад сөөг дотор ойртоод модон дээр хонох газраа олж амжаагүй явж байтлаа эцгийгээ хутган соёотод бариулж ухаан амьгүй зугтааж гал хараад гүйж ирэн уул талын гөрөөчин хүнтэй анх тулгаран учрахдаа нэгийг нь барьсан хутган соёотоос арай ээлтэй өөрсөдтэй нь төстэй амьтан гэж ядуу ухаанд нь орсон ажээ. Чингээд гурван аянчны галд болгосон хоолыг нь идэж хорхой мэт өчүүхэн амиа тэдэнд даатгаж галын дэргэд дулаацаж гэдэс цадаад гурван аянчинд их л итгэж тэсгэлгүй элэгсэглэжээ. Чингээд ойн бэрх амьдралд үхэх зовох нь жирийн хэрэг тул нэгийгээ араатанд бариулавч амьд гарсан тэр хоёр араатанд нэгийгээ бариулж амьд гараад сайхан бэлчээрт бэлчихдээ нэгийгээ алдсандаа төдий л их гашуудан зовдоггүй ан адгуусан адил саяхан наран жаргах үес гурван амьтан явж байснаа хоёр болсондоо нэг их шантрах байдалгүй харин ч гурван чийрэг дайчинтай нийлсэндээ дотор нь уужирсан мэт байдалтай. Өндөр тавхар чулуун дээр авиран гараад галын дэргэд дулаацан сууж байхдаа харанхуй ойд модон дээр хонодгоос нь зүйрлэшгүй жаргалтай байгаа шинэ мэдэгдэн гурван аянчны өөдөөс тэсгэлгүй талархсан байдалтай харж суув.
Чингэж сууж байтал ойн зүгээс том араатны сүрхий үнэр ханхалсанд галын өмнө сууж байсан таван хүн цөм зовинон ойн зүгт ширтвэл хоёр хутган соёот эр эм бар гарч ирэв. Ойн нэг алцгар хүнийг барьж идээд гэдэс нь цадаагүй бололтой. Тэгээд галын үнэр хүний үнэр аваад хүний үнэр нь саяхан барьж идсэн амьтантай нь адил тул бас барьж идэх санаатай ойртон айсаж яваа бололтой.
Хоёул тавхар чулууны өвөрт түлээ нь барагдаж гэрэл гэгээ нь буурч байгаа түүдгийн ойр хүрч ирээд өндөр чулуун дээр галын захад сууж байгаа хүний өөдөөс харан эм бар нь амаа ангайн "нган!" гэж эвшээгээд галын дулаан илчийг таашаан суниажээ. Эр бар нь чулуун дээрх хүний хөдлөхөд ууртайгаар урхиран сүүлээрээ гуяа ширвэжээ. Ойн хоёр хүн тэр хоёр барыг хараад нэгийгээ бариулсан сэтгэгдэл төрж царай зүс нь үнсэн хөх болж нэн цочин хэлмэгдсэн байдал мэдэгдсэнд Шонхолой өндөр дуугаар барыг,
- Ва! Аминдаа хайртай бол зайл гэж хашгирахад нь эрэгчин бар нь муухайгаар урхирав. Гурван аянчин нэгэн зэрэг хавчаахай нумаа шүүрэн өргөн хэнхдэг рүү нь харватал бар дүүлэн сум ч элгэнд нь шигдэн бар ч урд хоёр хөлөөрөө өндөр ширээ чулууны ирмэгнээс савардан амнаасаа цус сахруулан хойд хоёр хөлөөрөө чулуу маажилж өөдөө толгойгоо өндийлгөтөл Шонхолой чулуун сүхээ хоёр нүдэн хооронд тас хийтэл буулгав. Бух өвгөн барын суга руу оруулж жадлаад суга татах завдалгүй байтал ард нь байсан ойн хоёр хүн сандран бархирч өлөгчин барын толгой давхар чулууны дороос овгос гээд гарч ирэхэд Залуудай хаш тэнигэр сүхээрээ хоншоор дээр нь тэнхээ мэдэн буулгаад орхив. Хоёр бар агшин зуур далд орж гэнэт барын хойшоо ойчиход, Бух өвгөн жадаа алдаж өөрөө заяатай ойчсонгүй. Шонхолой шүүрэн татаж Бухыг тогтоож авчээ.
Хоёр догшин араатан дайран довтолж түүнийг няцаасан энэ явдал хэдхэн хором дотор болсон хэрэг бөгөөд гурван дайчин яаран нум сумаа шүүрэн доошоо өнгийн харваас гэнэт бар нь ойчоод босож ядан тарчилж байв. Өлөгчин бар эмзэг хоншоороо хага цохиулж шархнаас олгойдох цусанд хоёр нүд нь юм харахгүй болоод сүүл нь түүдэгт ороод, халсандаа ухасхийж, тавхар ёроолд толгойгоороо түс хийтэл мөргөөд эргүү өвчин туссан юм шиг сүүлээ даган эргэж эхлэв. Гурван аянчин өндөр чулуун дээрээсээ доорх түүдгийн гэрэлд хоёр барыг харваж хэдэн сум тавимагц өлөгчин барын хойд хоёр хөл нь хойшоо жийн шөрмөс нь таталдаж цусаар бөөлжиж хурхирсаар хөдлөх нь удаан болж баахан муужирсан байдалтай боллоо. Нөгөө бар нь олон шархандаа бас л муужирч хэдий бөх толгой боловч хөл дээрээ тогтож чадахгүй босон унан тарчилж байв. Том араатны бараа болон дагалдаж чадвал юм олж идэх явдал олзноос нь, цус нөжийг нь долоож идэхийг горьдож цөөвөр чононцор мэт араатан тэр хоёр хутган соёотын барьж идсэн хүний гэдэс дотроос нь олж идээд улам ч хорхой нь хүрч өлөн шүлсээ гоожуулж байснаа өндөр тавхар чулууны ёроолд түүдгийн гэрэлд хоёр хутган соёотыг чулуун дээрх амьтан өөд цоройж үсрэн халдахыг нь хараад чулууны өвөр талд эргэж тарчилж байхыг нь ойртон ирж гайхан харцгааж оцойн сууж байгаагий нь чулуун дээрээсээ гурван аянчин галын гэрэлд ажиглан харж Шонхолой,
- Харвахад сум хайран юм уу даа? Ингээд л голоо тасартал тарчилж байтал бусад амьтан ч бидэнд халдахгүй халдвал энэ хоёрт л халдана гэлээ. Ихэрэс Бух өвгөн доошоо өнгийж хараад,
- Ээ дээ тэр зөв байх, миний хайран жад барын хаанд шигдээстэй иш нь хугарч дахин ишлэх л хэрэг гарав уу даа? Бидний хэдэн годоль ч гэсэн ингэж өнхөрч тарчилж байхад нь хугарч гүйцэх нь дээ. Манагаар жад годлио сэлбэхгүй бол алсын аяны хүнд горьгүй шүү гээд тавхар чулуун дээрээ асаасан галдаа түлээ нэмэн толгойгоо гадагш нь хөлөө галын зүг жийж гурван аянчныг хэвтэхэд нөгөө ойн хоёр хүн бас дуурайж хөлөө дотогш толгойгоо гадагш харуулан хэвтээд цөм ойн мод шөнийн салхинд орой нь шуугисхийх анир, тавхар чулууны ёроолын түүдэг ч унтраад тарчилж байсан хоёр хутган соёотын тэнд юм ноцолдох архирах юм зулгааж зажлах яс шажигнах чимээ гарах болсныг Залуудай нойр дундаа сонсож өнөөх хоёр догшин араатан чоно нохойд идүүлж байгаа юм байна гэж бодож хэвтлээ.
Бух Шонхолой хоёрыг шөнө босож галдаа түлээ хийх бүр ойн хоёр хүн нойрмоглон инээмсэглэж маш талархсан сэтгэлээ мэдэгдэн хэвтэж аугаа хүчит хань нөхөдтэй болсондоо их л баяртай байжээ.
Үүр цайх үес гурван аянчин босоод чулууны ёроолд өнгийн харваас шөнийн олон цөөвөр шарнууд ч байхгүй хоёр хутган соёотоос гагцхүү том соёот ясан толгой хэдэн яс өмхий гэдэсний төдийхөн үлдээд хэдэн хугархай сам соёо шүдний ором орсон Бухын жад хөсөр хэвтэн авай. Чулуун дээрээс гурван аянчны нум сумаа агсаж сүхээ барин буухан ойн хоёр хүн бас дагалдан бууж хоёр догшин махчин бараас үлдсэн сэг ясыг гайхан харж аянчныг сумныхаа чулуун зэв хирисийн эврээр хийсэн зэв өвс шороон дунд эрэхэд нь учрыг нь мэдэж эрэлцэн туслав.
Зэвээ олоод Бух, Шонхолой хоёр дутуу сумаа нөхөж хийхээр тогтож, годольд хэрэглэх мод тайрахаар одов. Залуудай өглөөний хоолонд идэх юм олох гэж сүхээ бүснээсээ агсаа нум сумтайгаа ойн зах чиглэхэд нь ойн хоёр хүн бас дагалдах гэсэнд Бух өвгөн,
- Наадуул чинь хэл ам мэдэхгүй харь омгийн хүн. Чамайг ганцаараа явахад чинь басаж нум сумыг чинь булаана гэж оролдож магадгүй. Танихгүй газар хэл мэдэхгүй хүнтэй болгоомжлох хэрэгтэй. Наад хоёр чинь биднийг дагаж идэх төмс жимс түүг гээд дохиогоор тэр хоёр ойн хүнийг хамт явъя гэж зангахад нь тэр хоёр алцгар хүн инээмсэглэн Бух Шонхолой хоёрыг дагав.
Балар цагийн ой шугуй тал хөндий ан амьтнаар маш элбэг тул Залуудай ойн захад бор гөрөөс үзээд салхин дороос нь сэмхэн гэтэж годоль харван газар ойртоод хоёр гөрөөсний нэгийг нь ганц сумаар унагаж гол нь тасраагүй байсныг сүхдээд гэдэс дотрыг нь гаргаж гөрөөсөө үүрч урд шөнө хоносон тавхар чулууныхаа тэнд хүрч ирвээс түүдгийн нурман дотор ганц нэг цог байсан тул үлээж гал асаагаад элэг шорлон шарж гөрөөсний хоёр гуяыг бас шарж эхлэв.
Чингэж байтал модон дотроос өнөөх ойн хоёр хүн хиншүүний үнэрээр хүрч ирэхдээ өвсөнд хэлхсөн мөөг бондгор бондгор газрын идээ авчирсанд Залуудай түүнийг нь авч галд халаасан чулуунд хавчин босголцов. Асар удалгүй Бух, Шонхолой хоёр нэг баглаа годоль хийх яргаа шиг шулуун мод авчраад цахиур чулуун хутгаараа хальсалж шүүрхий шарсан махнаас ойн хоёр хүнтэй хуваалцан бүгдээрээ өглөөнийхөө хоол идэв. Чингээд гурван аянчин гөрөөснийхөө цээж махыг тэр ойн хоёр хүнд өгөөд явахыг завдтал өнөөх хоёр хүн салан хагацах дургүй аман дотроо юм шулганасанд Бух өвгөн инээж,
- Энэ хоёр маань манаас салах дургүй хамт Бай Кул хүрэх гэж байна уу даа? гэж тэр хоёрыг модондоо ор гэж дохиод, өөрсдийгөө хойшоо явна гэж дохиход өнөөх хоёр хүн харин биеэ заагаад бас хойшоо явалцана гэж дохиогоор заасанд,
- Эднээ дагуулаад явах уу? гэж хоёр нөхрөөсөө асуув.
- Дагавал дагаг л даа хаана хүртэл бидэнтэй явахыг нь үзье гэж Шонхолой тэднийг хамт явъя гэж дохиход тэр хоёр алцгар маш баярлав. Чингээд хамт хэдэн хоног явахад тэр ойн хүний хамар нь гурван аянчнаас бүр ч илүү. Араатан өвс модонд байгааг ер андахгүй их холоос үнэрийг нь мэддэг байв. Бас ойн модон дотор идэх жимс ногоо газрын идээ төмс мөөг олж танихдаа сүрхий чадамгүй бөгөөд булаг шанд ус, модон дотор олохдоо тун ч сурамгай байв. Бас эмт өвс цэцэг навч үндэс танихуйяа хэцүү тийм амьтан байв. Тэр учраас гурван аянчинд бас тустай хам хамсаа болж ижилсэн дасалцав.
Хижээлхэн нэгийг нь Үхүү, залууг нь Гекүү нэртэй юм байна гэж мэдэж авав. Чингээд Үхүү гэсэн нь шар шувуу гэсэн нэр юм байна гэж мэдэж авав. Юм дуурайхдаа сүрхий авъяатай залуу нь Үхүү Үхүү гэж дуугараад шар шувууны дуугарах хөдлөх маягийг үзүүлэн Гекүү Гекүү гээд хөхөө донгодох нисэх байдлын дүрэм үзүүлсэнд гурван аянчин тэр хоёр ойн хүнийг шувууны нэртэй хүн юм байна гэж мэдэж авсан билээ.
Бух Шонхолой хоёр тэр хоёр хүнд аятайхан бороохой хийж өгөөд нэг нэг цахиур сүхэнд модон иш гөрөөсний шөрмөс шандсаар тогтоон бэхэлж хийж өгсөнд тэр хоёр баярлаагүйгээ баярлаж хуучин муу бороохойгоо хаяв.


Top
   
PostPosted: Jun.18.16 12:44 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
маш их баярлалаа, хүй нэгдлийнхэн чинь харин эрх тэгш, нэг нь нийтийн төлөө нийт нь бас нэгнийхээ төлөө сэтгэл нэгтэй зүтгэдэг жинхэнэ нэгдмэл санаатай нэг гэр бүл байжээ, тиймдээ ч тэр хүнд бэрх нөхцөлд, олон араатан амьтан дунд тэсэж амьдардаг байсан байх даа, бас бүгд их сайхан сэтгэлтэй, хүнлэг улсууд байж


Top
   
PostPosted: Jun.18.16 7:31 pm 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6422
Location: ДЭЛХИЙ
:wd:

_________________
No to Racism!


Top
   
PostPosted: Jun.21.16 11:42 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Наймдугаар бөлөг

ҮХЭРТ ЭЭРҮҮЛСЭН НЬ

Нэгэн өдөр таван аянчин баруугаараа их модтой зүүн талаараа их асга хад чулуутай хөндий уруудаж яваад тоо томшгүй олон хорхойд идүүлсэн хар модны захад хүрэв. Хүрэн хар өнгөтэй нүцгэн болсон мод нүдэнд тун жигтэй аягүй үзэгдэж, хэрэм, буга, гур, зүн ойн олон ан огт дайралдахгүй. Гагцхүү биедээ үстэй үй түмэн муухай хорхой, хар модны оройн шилмүүс идэн барж, завсар цэггүй бааж байх нь модон доорх газар цөм тэр хорхойн хивдэс баасаар хучаастай, хөндийн өвс ногоо хөхрөн харагдаж байхад нүцгэн модны шилмүүстэй гишүү мөчир нь сарвайж тоо мултарсан олон хорхойн шилмүүс хивэх найлзуур, мөчир өөд уруу арваганан явах, баах, гарилах, чимээ нь намираа бороо орж байсан чимээтэй адил дуу гарч, чийг хөгцийн аягүй үнэр ханхалж байсанд таван аянчин бушуухан тэр газраас холдох гэж ширүүхэн алхалж байтал том дархийн хажуугаас араатны үнэр гарав.
- Ирвэсийн үнэр гарч байна гэж хэлээд Шонхолой жадаа барин, тэр дархийн ойр нь салхины доод талаас ойртов. Бух, Залуудай хоёр хавчаахай нумаа саадгаас сугалаад нэг нэг сум онилон хойноос нь дагав. Тэгтэл Шонхолой одоо айлтгүй гэж гараараа дохиод тэр дархийн ёроол тушаа хүрч очоод явган сууж доошоо шагайгаад, ирвэсийн нэг зулзага шилэн хүзүүнээс нь атган гаргаж үзүүлэв.
- Эцэг эх хоёр нь энэ хэдэн зулзагандаа баригдаад, нүүн зайлж чадаагүй байх нь. Нэг их холдохгүй гөрөө хийж байгаа байх. Одоо болгоомжтойхон явъя гээд тэр зулзагыг хэвтшинд нь тавьжээ.
Үхүү, Гекүү хоёр хүрч ирээд ирвэсийн зулзага харангуут, сэтгэлд нь урд ирвэст хорлуулж отог омгийн хүн осолдож байсан нь санаанд нь орсон юм билүү, гэнэт царай нь муухай болж хөмсгөө зангидан нүднийх нь харц ширүүн болоод бороохойгоороо цохин алав.
Гурван аянчин, тэр хоёр ойн хүнээс учрыг нь асууя хэл нэвтрэлцэхгүй, дохиогоор утга нэвтрэлцэхгүй тул арга буюу ирвэстэй тун их өшөөтэй л байж дээ гэж хий таамаглаад, юм хамаагүй алдаггүй, албал хамаагүй хаядаггүй заншилтай тул, тэр хоёрын маш хорсон алаад хаясан гурван зулзагыг авч гурвуулаа цахиур хутгаар туламлан өвчөөд, бүснээсээ агсах сав хийнэ гэж төдхөн өвчиж авав.
Чингээд нэг хадан хошуу тойртол, нэгэн сүрэг үхэр гөрөөс бэлчиж байх нь харагдав. Зарим нь хэвтэж, сэвсээ хивж, зарим нь бэлчиж хэдэн том бух хааяа хааяа сүүлээ ширвэн зогсож, арваад тугал тоглон давхилдаж, нэг хөгшин бух хааяа нэг тугалын зүг харж үе үе огцомхон ууг! ууг! гэж дуугарч байгаа нь болгоомжилж бай! гэж сануулж байгаа юм шиг. Ил цухуйн үзэгдвэл, үхэр гөрөөс тугалаа харамлан дайруузай гэж, дээгүүр нь уулан тал дагаж өнгөрдөг юм билүү гэж харж байтал, тоглож байгаа тугалын дэргэд, өвс ногоон дунд бараг мэдэхгүй хоёр цоохор юм хөдөлсхийх шиг болсныг Залуудай ажиглаад,
- Тэр тугалын барантай нэг хоёр цоохор юм хөдлөөд байгаа нь саяын дархин дор байдаг ирвэс үү дээ? гэхэд нь Бух өвгөн,
- Өлсөж улангассан энэ хоёр ирвэс лав олон үхэрт алуулна даа. Та нар үзээрэй! Аягүйдвэл тэр ирвэсээс болж бид ч үхэр гөрөөсөнд хөөгдөж мэднэ. Мод бараадъя гэж модны захад сэмхэн хүрч, өнөөх тугалд мярааж байгаа ирвэсийг ажиглавал өвсөн дунд мөлхсөөр, захын нэгэн тугалд ойртмогц дүүлэн үсэрч дээр нь буугаад агшин зуур хоолойг нь тас татжээ. Тугал хагас дутуу нэг мөөрөөд ойчлоо. Бусад тугал сүүлээ сөхөж сүргийн зүг мөөрөн дутаатал, олон үхэр тэр унасан тугалын зүг дайран орлоо. Ирвэс өнөөх унагасан тугалаа шүүрэн толгойгоо нэг хөдөлмөгц, тугалыг ар шилэндээ тохоод том томоор дүүлэн зугтаав. Нөгөө ирвэс нь ар хударгыг нь хамгаалсаар үлдээд, тугалын захад ойр байсан нэг үнээ, бусдаасаа түрүүлэн ойртоод ирэхэд өөдөөс нь урхиран дүүлж, нуруун дээр нь асаад, дөрвөн хөлийнхөө савар хумсаар маажлан, шүдээрээ гүрээг нь тасдах гэж ноцов. Амьд махаа уруулж өвдөхдөө тэр үнээ муухай дуугаар мөөрөн цовхчиж нуруу зоон дээр нь мордсон ирвэсийг унагах гэж оролдовч хүч хүрсэнгүй. Хачиг шиг наалдсан ирвэс хумс соёогоороо урсаар үнээний гүрээ тасдаж, цус олгойдон бие нь шарваж эхлээд, төдхөн ойчоод өглөө. Ирвэс тэр үнээг ойчиход үсрэн зайлаад олон үхрийн дунд орж сандарчээ. Хойгуур, урдуур, зүүгээр, баруугаар нь давхиж явсан үхэр цөм тэр ирвэсийг бүслэн тойроод хаашаа ч үсрэн зайлах аргагүй олон эвэр тойрон хашжээ. Чингээд нэг урхиран дүүлтэл, том бух толгойгоо сэгсрэн урт эврийнхээ үзүүрээр ирвэсийг өлгөж аваад сэжмэгц дүүлсэн ирвэсийн эрч, мундаг хүчтэй бухын сэжих хоёр таарч ирвэсийн гэдэс хутгаар хага татсан юм шиг, эврийн үзүүрт ангас хийтэл хага ярагдан, ирвэсийн толгой түрүү нь уржирсхийн газар ойчлоо.
Олон үхэр, тугал үүрээд дутааж яваа ирвэсийг мартаад гэдсээ хүү татуулан ойчсон ирвэс дээр овооролдож мөргөн гишиглэж гарваа!
- Хүн бас энэ үхэр шиг байдаг шүү! гэж Бух өвгөн тэр ирвэс дээр овооролдсон үхрийг хараад хэллээ. Дарж авбал зохих юмыг дарахгүй, унаад, хаашаа ч зайлахгүй юм дээр овооролдон мууг нь үзэж, муухайг нь дуудсаар нөгөө юманд чадуулж орхидог шүү! гэж хэлээд:
- Нөхдөө тэр тугал үүрсэн ирвэс бидний зүг айсаж явна. Зулзагыг нь алснаас хойш, энэ араатныг ч үгүй хийнэ байгаа? гээд нумаа шүүрэн бүгэхэд ойн хоёр хүн учрыг мэдэж бас далд газар хоргодон тосов.
Тугал үүрсэн ирвэс огт юм үүрээгүй мэт маш хөнгөн хөдөлж үсрэн дүүлэн давхисаар, салхины дээд талаас огт ажиггүй. Бух өвгөн дээр иртэл, хавчаахай нумын хөвч тас хийгээд, хирисийн эвэр зэвт сум, тэр араатны омруун тус шав хийгээд шигдлээ.
Хажуунаас нь бас Шонхолой, Залуудай хоёрын сум хавирга бөөрөөр нь орж тугал үүрэн дүүлсэн ирвэс амандаа хоншоороос нь зуурсан тугалаа алдаж, өөрөө ч газар ойчоод өндөсхийхийн завдалгүй бас гурван суманд тусагдаж тийчилтэл ойн хоёр хүн ухасхийж бороохойдож алав.
Чингэтэл, түрүүчийн ирвэс дээр овооролдсон үхэр сүүлчийн ирвэсийг анчинтай дайралдан тулахыг хараад довтлон ирсэнд таван аянчин, тэр үхрээс зайлаад модны зүг гүйхэд Бух Шонхолой хоёр ирвэсийн барьсан тугалыг шүүрэн гүйж захын саглагар нэг модонд хүрэнгүүт яаран тэр модон дээр тугалаа аван гарлаа. Нөгөө гурван аянчин хойноос нь хөөсөн үхэр гөрөөснөөс дутаан бас ойр хавийн модон дээр гарав. Цус, улайн үнэр авсан үхэр догширч таван аянчины авирч гарсан мод тойрон мөөрч, шөргөөгөөд, ер зайлах санаагүй модон дээрх хүнийг өчүүхэн хөдөлмөгц мөөрөлдөн том том бух нь тойрон мөөрөлдөж, газар ухаад салахгүй сахин эргэв.
Цаг алдаад яахав? гэж модон дээр тугалаа авч гарсан Бух Шонхолой хоёр түүнийгээ цахиур хутгаараа өвчиж, нэг бух модон дороос нь салж өгөхгүйд тугалын сэвстэй гэдэс гүзээг тэр бухны толгойн эвэр өлгүүлэн хаяв. Чингээд тугалынхаа мах өрөөлдөж модны гишүүнээс ойчихгүйгээр өлгөөд бүдүүн гишүүн дээр аятайхан сууж аваад сумч цахиур хутгаа гаргаж баглаатай годлийн мод засаж хирисийн эвэр цахиур чулуугаар хийсэн зэвээ годольд тааруулж шөрмөсөөр бэхлэн тогтоож суух зуур хааяа хааяа доошоо харж байв.
Хэдэн бух сахиад хэвтчихсэн зайлах шинжгүй тул Шонхолой Бух хоёр хэдэн сум хийж гүйцээд тугалынхаа нэг өрөөлийг модны доод гишүүнд бууж зэргэлдээ модны ойн хоёр хүний зүг шидэхэд, тэр ойн хүн модонд асах авирахдаа шаламгай тул, дор нь шүүрч авсанд ид гэж дохиогоор нэвтрүүлээд сүхээрээ гишүү мөчир тайрцгаан модон дээрээ гишүү дамнан хэвтэх хэвтэр засаж авав. Тэгээд тугалынхаа өрөөлийг нэг гишүүнд аятайхнаар өлгөөд, модны хаг түүгээд нэг хэдэн хуурай гишүү тэр том модон дээрээсээ цавчиж аваад, цахиур хавиран уул хаг хоёр хавсран үлээж хоёр гурван гишүүний үзүүрт гал асаагаад тэр цучлаараа өлгөөстэй өрөөл махаа шарж борлуулаад асаж байгаа модыг шатсаар богино болоход ондоо нэг хуурай гишүүг үзүүрээс нь асаан барьж богинодсон цучлаа үхрийн зүг хаяж үргээсхийх заваар Залуудай модноосоо буугаад, нэг ухасхийж, Бух Шонхолой хоёрын сууж байсан модон дээр гарч ирэв. Бух гөрөөс хойноос нь хөөх гэж давхийгээд шаламгай залууг гүйцэж амжсангүй, модон дээр гаргажээ.
Гурван аянчин тэр бүдүүн модон дээр тугалынхаа өрөөлийг гурван гишүү нэгэн зэрэг барин шарсаар тун аятайхан болгож саглагар гишүүн дээр хэвтэр зассан газраа тохитойхон сууж аятайхан хооллоод, нөгөө модон дээрх ойн хоёр хүн ч тугалынхаа өрөөлийг ерөөс түүхий мах идэж явдаг, гал мэддэггүй амьтан болохоор, манай гурван аянчны шарсан махнаас дутуугүй амтархан идэж байгаа нь хутга огт хэрэглэхгүй болоод байжээ. Цахиур чулуун хутга хэрэглэж сурсан хоёр Чонос, нэг Ихэрэс цөм цахиур хутга гаргаад, шарсан махаа аятайхан огтолж, үхэр гөрөөсөнд хөөгдөн ээрүүлсэн хүн гэмээргүй тохитой хооллож модон дээрх хэвтэр дээрээ хажуулаад доор нь ээрэн сахиж байгаа хэдэн тэнэг үхэр гөрөөсийг огт мартжээ.
Чингээд, нилээд удтал хэвтэж амраад, доошоо харвал, өнөөх үхэр гөрөөс огт явах санаагүй, сэвсээ хивж хэвтэхэд, Залуудай,
- Ам баахан цангаж байна. Ус уувал юутай билээ гэж горхины зүг харан санаа алдав.
- Үхэр холдоогүй цагт ус санах хэрэг биш! гэж Бух өвгөн инээмсэглэв. Аягүй бол энэ үхэр нар шингэхээс нааш зайлахгүй. Шөнө араатан гүйдэлтэй явж болохгүй. Энэ модон дээр л хонох болно байх гэхэд,
- Тэгвэл энэ модон дээр л хонохоос доо гэж бүргэдийн үүр шиг хэвтэр дээрээ сунаад хэвтэж алсын бараа харж байтлаа зүүн зүг, хадан хясааны тэнд нэг хэдэн бараан юм хөдлөх шиг болсонд ажиглан хартал, нэг үзэгдэн нэг далд орж наашилж байгаа байдалтай ажээ.
- Тэр зүүн хойно нэг юм хөдлөөд байх шиг гэж авдаа хэлэхэд нь Шонхолой ширтэн хараад:
- Эр эм хоёр арслан байна. Манийг ээрсэн үхрийг хөөх юм ирж яваа юм билүү? гээд гурвуул чимээгүй ажиглан хэвттэл тэр араатан ч ойртож модон дээрээс харахад эр арслан нь бараан зогдортой сүрхий том амьтан, дэргэд нь урт шар эм арслан зэрэгцэн явж байгаа нь хөдлөх байдал тун гавшгай.
Модон дор хэвтсэн үхэр гөрөөс тэр айсуй буй араатныг хараахан мэдээгүй тул санаа амар сэвсээ хивж хэвтнэм бөгөөд үнээ тугал бэлчих нь бэлчиж хэвтэх нь хэвтэж байв. Дээрээс харахад хоёр арслан зарим газар хотгор дагаж маш хурдан давхиад үхэрт үзэгдэм газар мярааж гэтсээр улам ойртоод захын нэг залуу үхрийн нуруун дээр дүүлэн гарч, нуга даран унагаалаа. Тэр үхрийн амь тасран муухай дуугарч газар пидхийтэл ойчих чимээгээр, үхэр, тугал түр хийтэл үргэж зугтаагаад модны ёроолд хэвтэж байсан хэдэн бух ухасхийн бостол, эм арслан дүүлж нэг тарган гунж тоглож байгаа юм шиг унагаж авлаа. Хэдэн том бух, зугтааж байгаа үхрийнхээ арыг халхлан хамгаалж арсланы зүг урт эвэрт толгойгоо бөхийлгөн урд хоёр хөлөөрөө газар ухаж сөөнгө бүдүүн дуугаар мөөрөв. Эр арслан газар унагасан үхрийн хүзүүн дээр нэг хөлөө тавиад сүртэй том дуугаар урхирсанд эм арслан бас бүр нэмэн урхирав. Тэр хэдэн бух, үхэр сүргээ бар, ирвэсээс зоригтой хамгаалдаг боловч арсланаас баахан эмээн сүрдсэн байдалтай хялайн хялайн ухарсхийсээр, үхэр сүргийнхээ хойноос тэмүүллээ.
Хоёр арслан нэг үхрээ идэж бараад, эр арслан нь нөгөө үхрийг үүрээд хадан хонгил руугаа аваад явав. Аянчин ээрүүлж байсан үхрээсээ хоёр арсланы ачаар салаад тэр хоёр араатны холдохыг сэм хүлээж байтал арслан ч далд орлоо. Нар ч баруунаа хэлбийлээ.
- Энэ газар, лав энэ хоёр арсланы ан хийдэг нутаг байна. Ондоо том араатан энэ хавьд байхгүй байх ёстой. Хоёр арслан ч өнөөдрийнхөө хоол олж идээд, маргааш өглөө ч идэх юмтай болсон хойно өнөө шөнөдөө хэвтшээсээ гарахгүй байх. Эндээ хоновол бид энд шөнө ямар араатан хаанаас халдахав? гэж айлтгүй. Шарнууд, цөөвөр, ийнэ бидэнд халдаж зүрхлэхгүй нь лавтай. Тэгэхээр бид одоо яавал дээр вэ. Бух авгай эндээ хонох уу, газраа хороож нэг хэсэг явах уу? гэхэд нь Бух өвгөн,
- Энэ хорхойд идүүлчихсэн модон дунд хоносноос нэг баахан яваад үзнэ байгаа. Энүүнээс арай сэргэлэн газар хүрч хоноё гэхэд нь Шонхолой Залуудай хоёр зэр зэмсгээ аваад доошоо буув. Ойн хоёр хүн гурван аянчныг модноосоо бууж, алсын зам хөөх санаатайг мэдээд, бас яаран бууж сүхээ аянчныг дуурайн бүснээсээ агсаад, бороохойгоо атгаж найрсгаар инээмсэглэн дэргэд нь хүрч ирэв.
Чингээд хойд зүг барин алхсаар, таван аянчин, горхи дагаж амныхаа цангааг гаргаж, уснаас уугаад бас баахан явах зуур хэдэн галуу харваж оройн хоолны юмтай болж авлаа. Цаашлан алхсаар хулан, тахь, зээр, тэмээн гөрөөс бэлчсэн талаар явж тэр олон амьтан айван тайван байгааг үзвэл лав аюулт араатан үзэгдсэн шинжгүй байна гэж баруунаа хэлбийсэн нарны ташуу гэрэл цацрагт халиуран харагдах талын толгод зүүн талдаа сүүдэртэй болж байгааг ажиглан харж, хонох газар сонгох санаатай явтал Залуудай хойт зүгт нэг сонин хэлбэртэй онцгой уул байхыг хараад дэргэд нь очиж үзмээр санагдаж, Бух өвгөн ч бас сонирхож, цөмөөрөө тэр уулын зүг чиглэв. Ойртох тусам газар тун сонин хар бараан хүрэн чулуу дайралдаж хөөс шиг нүхтсэн байдалтай бөгөөд чанар маш хөнгөн. Уулын орой нь хутгаар огтолж авсан юм шиг тэгшхэн бөгөөд, байдал нь овоолон босгосон юм шиг хэлбэртэй. Уулын хормойгоор бор гөрөөс, зээр бэлчин явнам бөгөөд хүн ойртоход цочих үргэх шинжгүй, харин ч сонирхон харах тул Шонхолой тэр байдлыг ажин,
- Энэ хавьд лав хоёр хөлт хүн яваагүй газар байна. Танихгүй хүн дайсагнах омогтон байх вий гэж зоволтгүй. Бас аюултай араатан ч гайгүй байж магад газар байна. Саяын хоёр арсланы эзэлсэн газар нутаг юм болов уу даа? гэлээ.
- Энэ сонин уулын орой дээр гарч хоновол яана? гэж Залуудай санал гаргаваас өвгөн Бух:
- Тэгвэл тэгж үзсүгэй. Модон дээр хонож болдог юм, уулын орой дээр хоноод үзэхэд яадаг юм бэ? гэж инээлээ.
Тавуулаа тэр сонин хэлбэрт уулаад мацан авирч орой дээр нь гартал тэр уулын орой нь нэг их том нуур тойром мод ургажээ. Гаднаас харахад тэр нуур тойрон ургасан мод огт харагдахгүй. Нуур хүртэл доошоо нилээд уруудан буух тийм өндөр хүрээн дотор байгаа юм шиг хашаастай нуур байжээ.
Залуудай тэр сонин уулын орой дээр нь буюу чухамлан хэлбэл, дотогшоо хонхрын гаднах зах дээр нь гараад доошоо тэр гол дундах нуурыг нь хармагц,
- Юутай сайхан уран тогоо шиг бүтсэн уул бэ? гэж гайхан өгүүлэхэд нь Бух өвгөн,
- Нээрээ уран хүний хийсэн уран тогоо шиг уул даа! Хожим хойно энэ сайхан нутгийн эзэн болох хүн энэ сонин сайхан ууланд манай Залуудай шиг бас л уран тогоо гэж нэр өгөх болтугай гээд тэр уулын оройн тогоо шиг том гэгчийн хонхрын голд нь байгаа нуурын зүг уруудан буулаа. Бусад дөрвөн аянчин Бух өвгөний хойноос дагалцан буугаад, нуурын захад очиж үзвээс болор мэт тунгалаг сайхан устай тэр нуур, доош нь өнгийн харахад хөлгүй гүнзгий. Бусад нуурын ус нь эргээсээ холдож байж сая гүнзгий болдог аваас тэр уулын оройн голд нь байгаа нуур, яг доошоо өрөмдсөн юм шиг эргийн аль ч талаас очоод үзэхэд доошоо эгц чиглэсэн хөлгүй гүнзгий устай байгаа нь Ихэрэс Бух өвгөн, Чонос омгийн Залуудай, Шонхолой эцэг хүү хоёрт их л жигтэй санагдавч учир утгыг нь олж чадсангүй дэмий л гайхаж ийм сонин газар байдаг ажээ гэлцээд нуурын захад модны ёроолд хонохоор болж гишүү мөчир түүж цахиур хавиран гал асаах боллоо. Ижилсэн дагасан хоёр ойн хүн, цахиур хавирах бүр маш сонирхон гайхдаг тул, бас л Бух өвгөнийг цахиур хавирч уул дээр оч унаад утаа гарч уул шатан хуурай хөвдөнд гал авалцан асахыг анх сая үзсэнтэйгээ нэгэн адил тэсгэлгүй сонирхон харж суув.
Чингээд удалгүй гал дүржигнэн асаж, галуу нугасны өд ноолуурыг нь зулгааж гэдэс дотрыг нь цахиур хутгаар хагалж гаргаад модонд шорлон, галын захад хатгаад илч нөлөөнд шарж болгох үес нар ч хэдийн ороод салхигүй намуун сайхан бөгөөд өөдөө харахад хар хөх огторгуйд одон түгээмэл. Баахан доошоо харвал, хар хөх огторгуйгаас илүү бараан хар юм эргэн тойрон харлаж, гол дунд нь их доор нуурын зах нь түүний хавьд, модны ёроолд хүн сууж байгаа нь ямар сонин юм бэ? гэж Залуудай дотроо бахдан, Бух өвгөнийг нутагт нь хүргэж өгөх гэж авыгаа дагаж холын сонин аян хийж, урьд үзээгүй юмаа үзэж их юм сурч яваадаа баярлан бахдав. Ойн хоёр хүн ч бас ийм сонин газар хоног тааралдсандаа баяртай байгаа мэт галын хажууд жарган сууж нам дуугаар юм шулганалдан, шувууны мах болохыг хүлээж байв. Удалгүй шарсан шувууны мах ч болж бүгдээрээ амтархан идэцгээгээд, Бух Шонхолой хоёр галын хажууд хэвтэцгээв. Залуудай тэр ойн хоёр хүний дэргэд суугаад тэдэнд хэл зааж, цаад хоёр нь хичээнгүйлэн суралцаж хэлж өгсөн шинэ үгийг нь шивнэн давтав. Чингээд бүгдээрээ эрт сөнөсөн тэр галт уулын амсар дотор өрхөнд нь тогтсон хөлгүй нуурын захад унтацгаав.


Top
   
PostPosted: Jun.21.16 1:05 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Есдүгээр бөлөг

САЛААР АЯЛСАН НЬ

Таван аянчин өнжин хонон явсаар хойшоо урссан нэг том голын хөвөөнд хүрч үдлэх үес, Бух өвгөн усны шувуу янз бүрийн загас нэн элбэг тэр голын ус харж баахан бодлого болоод, дагаж явсан хэдэн нөхөртөө
- Энэ том гол лав хоёр гол мөрөн дамжаад манай нутгийн Бай Кул гэдэг их далайн нуурт хүрэх ус шинжтэй байна. Загасны байдлыг ажвал манай тэр далай буурал авын усанд байдаг загас байх шиг байна.
Түүгээр бодоход лав энэ голын ус Бай Кул нуурт ордог нь зайлшгүй болно. Нөхөд бид энд хонож өнжиж байгаад нэг сал хийгээд уруудвал, биед амар, аминд аюул багатай бол уу? Би сал хийж чадна бүгдээрээ мод огтолж холбоод сайн сал хийж дээр нь саравч босгоод нар бороонд зоволтгүй, саравчин доор унтах газар засаад галаа ч гэсэн сал дээр түлээд явж болно гэхэд нь,
- Сал дээр яаж гал түлдэг юм бэ? гэж Залуудай сонирхон асуужээ.
- Манай Ихэрэс омгийн улс усанд хэзээний чадамгай. Сал дээр чулуу шороо зузаалан дэвсээд дээр нь гал түлж болдог юм аа гэж инээмсэглэв. Чингээд Бух өвгөний сонгон заасан мод огтолж унагаад голын зүг өнхрүүлэн аваачиж бургас мөшгөн холбож сал хийв. Бух өвгөн салаа залах залуур хийж салхи борооноос хамгаалах саравч дархлаад Үхүү, Гекүү хоёроор туслалцуулан гал түлэх газраа хавтгай чулуун өр хийж шороо зөөлгөн чулуугаар хашуулж бэлтгүүлээд саравчин дотор таван хүний тавтай хэвтэх хэвтрэнд хөвд цагаалж өвс зэргийг дэвсүүлж дээр нь ангийн арьс тавиулаад түлшинд хэрэглэх хуурай гишүү үйс, хөвд түлээ түүлгэн салан дээрээ ачуулав. Залуудай тэр завсар сал хийж байгаа дөрвөн хүний хоолны зүйл дааж, загас гөгдөх, сэрээдэх, гэрдэх зэргээр загас барин, усны галуу нугас харваж, Бух өвгөний заавраар зарим том загас давсалж, зарим нэгийг нь утаж хүсний нөөц хийв. Галуу нугаснаас бас нэг хэсгий нь модонд өлгөж, доор нь гал түлэн утаа шингээж ялаа батгана сууж, үнэр танар орохгүй болгов.
Загас, нугас, галуу жигтэйхэн элбэг тул, хүнс базаахын зэрэгцээгээр бас өглөө, өдөр, оройн хоол дээр нь Үхүү, Гекүү хоёр янз бүрийн үндэс төмс түүж, элдвээр найруулан буйлуулсаар, сал хийж хэд хонох үес, таван аянчин хоол нэн элбэг, хийх ажил ч нилээд их. Тэнгэр ч маш цэлмэг, газар ус ч тун тайван, ер аюулт араатан үзэгдэхгүй, байлдаж ядраах харь омгийн хүн амьтан ч огт үзэгдэхгүй сайхан байлаа.
Чингээд хамаг юмаа цэгцэлж сал дээрээ ачаад, салаа аргамжих сайн аргамж хийнэ гэж үхэр гөрөөсний сүрэг бэлчин буй зүг Шонхолой, Залуудай, Гекүү гурав очихоор болж, хоёр Чонос нум сум, жад, сүх авч Гекүү бороохой, сүх хоёроо аваад явах гэтэл, голын тэртээ бургасан дотор үхрийн чимээ гарч, олон үхэр усанд оров. Огт хүн үзээгүй бололтой, ер хүнээс айх сочих янзгүй, санаа амар ус уув.
Бух өвгөн, Шонхолой, Залуудай хоёрыг даллаж, сал дээрээсээ дуудаад голын тэртээ ус ууж байгаа үхрээс нэгийг харвая гэж дохисонд хоёр Чонос сал дээр аяархан гарч харваас голын цаад талд ус ууж байгаа үхэр, элбэг хавчаахай нумын сум тусам газар тул, гурвуул нэг үхэр харвахаар болж, зэрэг гурван сум тавихад, тэр үхэр сандарч эргэтэл, бас гурван сум бөөрөнд нь тусаж тэсгэлгүй өвдөхөд мөөрөөд, голын захад гарах гэж зүтгэтэл цаана нь байсан үхэр зам тавьж өгөхгүй тэр самбаанд бас гурван сум тусаж, үхрийн тэнхэл муудав. Бусад үхэр нь учир мэдэхгүй урд өмнө нь алс холоос хүнд харвуулж үзээгүй тул голын тэртээх хоёр хөлт хэдэн амьтнаас болж нэг үхрээ хүнд шарх олсныг огт мэдсэнгүй дэмий л цусны үнэр аваад мөөрөлдөв.
Шарх олсон үхэр, эргийн тушаа баахан элс, шавартай газар тохиолдсон учир, шаварт шигдэн, муухай дуугарч, ам хамраар нь ус орж цацаж эхлэхэд бусад үхэр айн цочиж эрэг дээр гараад өгөв. Холхон байсан үхэр, харин ажиггүй ус ууж, гагцхүү шархтай үхрийн дор ус ууж байсан үхэр, цусны үнэр авч баахан сандран ухасхийв.
Өнөөх шаварт шигдсэн үхэр, хэдэн суманд тамир нь тасарч гарах гэж оролдох тэнхээ нь тасарч улам шигдээд, цацаж хахаж хэд муухай дуу гараад усанд хэвтээд өгчээ. Бусад үхэр нь хорлох дайсан үзээгүй тул, хамраа баахан шуухинуулсхийгээд, уснаас гарч, удалгүй цөм бургасанд далд ороод, ганц шаварт шигдээд үхсэн үхэр л эргийн усанд үлдлээ.
Бух өвгөн залуураа барин салаа хөдөлгөж голын тэртээх бургасны захад хүрээд үхрийн тушаа салаа ус өөд татаж зогсоогоод, толгойг нь сүхээрээ салгаж, гэдэс дотрыг нь гаргаж хаяад, салдаа үхрээ чирэн ойртуулж гаргаад, усны урсгал даган уруудлаа.
Бух өвгөн, залуураа барин, Шонхолой үхрээ сал дээрээ өвчиж, Залуудай, Үхүү, Гекүү гурав махыг нь эвдэхэд туслалцав.
Ийм бэлэн юм олдох гэж юутай сайхан! хэмээн Бух өвгөн баярлаж, салаа аргамжих ч юмтай боллоо. Хүнсний хойноос ч зоволтгүй боллоо гэж их л урамтай явав.
Үхүү, Гекүү хоёр бас их баярлацгааж салаар явж үзээгүй ойн тэр хоёр хүн, нар салхинаас халхлах саравчтай, зөөлөн гэгчийн хэвтэртэй сал дээр суугаад явахдаа, үзээгүйгээ үзэж, тун ч хөхүүн явжээ.
Бух өвгөн Шонхолой, Залуудай хоёрыг салын залуур барихыг заан сургаж, ээлжээр залах боллоо. Үхүү, Гекүү хоёр Залуудайтай тун сайн болж салын залуур барих ээлж тохиолдоход дэргэд нь суулцан, ямар газар хаашаа залдгийг нь сүрхий ажиглаж бас Чонос үг заалган тогтоохыг их хичээж Гекүү нь Үхүүгээсээ илүү авъяастай тул ойр зуурын юм ярьдаг болж эхэллээ.
Нэгэн өдөр таван аянчны уруудаж яваа гол нь өөр нэг том голд цутган ороод, зүг нь мөн л хойшоо урсах тул, Бух өвгөн,
- Одоо санаа зоволтгүй. Ус бүхэн хойшоо цутгавал манай зорьсон их Бай Кул нуурт цутган орно гэсэн үг. Харин сал явж болохгүй боргио дайралдвал осолтой шүү. Усны чимээ их болж урсгал ширүүсээд ирвэл намайг унтаж байсан ч мэдэгдэнэ шүү гэж Залуудайд захижээ.
Салаар явахад тун таатай, биед зүдэргээнгүй тул, Бух, Шонхолой хоёр, хавчаахай нумандаа хэрэглэх сумны мод сайхан хатааж засаад, хирисийн эврээр олон зэв хийж авлаа. Гекүү тун авъяастай тул, сумны мод засалцах, хирисийн эврээр зэв хийхэд туслалцсаар нилээд дүйтэй болсон тул, Шонхолой нэгэн өдөр Монос огтолж хавчаахай нум хийж өгсөнд Гекүү баярлаагүйгээ баярлаж, сум онилох татах зэрэг барил заалган салыг эргийн бургаснаас уяж үдлэх үес Залуудайгаар заалган харваж үзээд, зэвгүй булцуут годлиор бай харваж сургууль хийх боллоо. Үхүүд, Шонхолой дүүгүүрээр чулуу чулуудахыг зааж өгсөнд, ойн тэр хүн бас сонирхон баярлаж, сал дээрээсээ чулуу дүүгүүрдэж явдаг болоод нэг мэдэхнээ сүрхий дүүгүүрчин болж орхилоо.
Нэг орой Бух өвгөн залуураа өргөн голын хоёр эргийн бургасны навч намаа зөөлөн салхинд шуугинахыг сонсон явах үес Залуудай дэргэдээ суусан Үхүү, Гекүү хоёроос,
- Та хоёр тэр нэгэн үдэш, махчин барт нэгийгээ бариулаад, манай гал дээр гүйж ирэхдээ, хаанаас хайчиж явсан билээ? Ямар омгийн улс болох байна та нар чинь? гэж асуухад Гекүү,
- Чоносын үгээр хэлбэл, бид ойн хүн гэдэг. Ойн хүн дотроо бид Хумка гэдэг омогтон. Хумка гэж нэг шувууны нэр. Үхүү гэдэг шувуу бас Хумка гэдэг шувууны нэг зүйл. Манай Хумка омгийн хүн олон байсан. Манай нэг хүн ойд хадын хүний өмсдөг юм олоод биедээ өмсөөд, тэр хүний бүх бие, нүүр гарт муухай юм гарч, толгой бие наранд халсан чулуу шиг халуун болоод үхсэн. Хумка хүн цөм үхсэн. Үлдсэн хүнийг урт гартай, шар үстэй хүн идсэн гэхэд Залуудай,
- Шар махчин! гэв.
- Манай Хумка хүн, тэр урт гартай талын хүнийг хүн иддэг хүн гэдэг байсан. Их айдаг байсан. Тал газар манай Хумка хүн явдаггүй. Хүн иддэг шар үстэй хүн ойд орж манай Хумка хүн харвал барина, иднэ. Хумка хүн талын шар үстэй хүнээс их айна. Үнэрээр мэднэ. Үнэр их муухай. Үхүү, Гекүү, Хелаки хүн иддэг хүнд баригдсангүй амьд гарсан. Тэгээд Хелакийг тэр шөнө ийм урт соёот юм барьж идсэн. Үхүү, Гекүү их айсан. Танай гал харсан. Танай галд гүйж ирсэн. Хүн иддэг хүний галд ирсэн гэж их айсан. Танай үнэр хүн иддэг хүнээс ондоо байсан. Үхүү, Гекүү амь гарсан. Одоо Хумка хүн Үхүү, Гекүү байна. Бусад Хумка хүн муу өвчнөөр үхсэн. Бие нүүр гар ийм болсон гэж цэцэг өвчний хомхруу хогжруу дүрслэн үзүүлсэнд Бух, Шонхолой, Залуудай гурав, тэр ойн хүний Хумка омогтон бодоо өвчин халдаж хиар үхсэнийг мэдэв.
Гекүү бас сэтгэл нь ихэд хөдлөн, сайн сураагүй Чонос үг нь цөөдөх газар гар, толгойгоороо дохин зүс царайгаа ярвайлгах зэргээр үгийн дутууг дохио хөдөлгөөнөөр нөхөж цааш нь үргэлжлэн ярьсан нь
- Үлдсэн Хумка хүнийг талын урт гарт шар үстэй хүн идээд, Хелакийг урт соёот идээд, одоо Үхүү, Гекүү амьд үлдсэн. Гекүү Залуудайн явсан газар явна, суусан газар сууна, унтсан газар унтана. Үхүү бас Залуудайд дуртай. Залуудайн авд дуртай, Бух авд дуртай, Гекүү бас Залуудайн авд дуртай, Бух авд дуртай! гэхэд нь гурван аянчин, тэр ойн хүний Хумка омогтны гашуун түүх сонсон сэтгэл уяран хөдлөв. Чонос, Ихэрэс омогтон ойн хүн Хумка нараас илүү чадалтай, илүү олон хүнтэй, илүү боловсролтой омогтон гэж санахад, сэтгэлд нь сайхан бөгөөд Хумка омгийн хамгийн сүүлчийн хоёр хүн үлдээд, Чонос, Ихэрэсийг дагаж яваг гэж бодоход сонин санагдав.


Top
   
PostPosted: Jun.22.16 12:35 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Аравдугаар бөлөг

ГОЛЫН БОРГИОНД ДАЙСАНТАЙ ДАЙРАЛДСАН НЬ

Таван аянчин салаар уруудсаар олон хоног саадгүй сайхан явж, идэх хоол элбэг, бие чилээгүй, санаа амар аялж Үхүү, Гекүү хоёр мэдэгдэхүйц тэвээрч махаллаа.
Гекүү инээж Залуудайд Хумка хэлээрээ нэг юм хэлснээ Чонос үг болгон өгүүлрүүн:
- Хумка хүн Чонос үг мэдвэл, Хумкагаар бодоод, Чоносоор хэлж болно. Чонос үг олон. Хумка үг олон үгүй. Чонос үг Хумка үгэнд үгүй. Жад гэж Хумка үгэнд үгүй, Нум гэж Хумка үгэнд үгүй, Сүх гэж Хумка үгэнд үгүй. Сал гэж Хумка үгэнд үгүй. Чөрхи гэж Хумка үгэнд үгүй. Хутга гэж Хумка үгэнд үгүй. Олон үг үгүй. Чонос хүн Чоносоор бодоод Хумкагаар хэлбэл, олон Чонос үг Хумка үгэнд байхгүй. Гекүү, Үхүү үхнэ гэж уйтгарлан хэлэхэд Залуудай сэтгэлийг нь засах гэж,
- Гекүү ийм тарган, махтай болсон, Үхүү бас ийм тарган болсон. Ойд ойн хүн болон бий. Хумка хүн болон болно. Гекүү бие сайн, Үхүү бие сайн гээд, Гекүү чи түрүүн юу гээд инээсэн бэ? гэхэд нь Гекүү
- Талын урт гартай, шар үстэй хүн, Хумка хүнийг барина, эндээс барина. Энд сайн байвал иднэ гээд Залуудайн эрүүнээс барьж үзүүлсэнд, Залуудай инээж,
- Гекүүгийн эрүү их зузаан болжээ гэхэд нь Шонхолой Бух хоёр,
- Гекүү нээрээ хэлж байна шүү. Шар махчин хүн барьж идэхдээ эрүүг нь тэмтрэн үзээд, эрүүний өөх зузааныг урдаар иддэг гэж үнэн шүү! гэлээ.
Чингэж явтал, өргөн голын эргийн хоёр талд хадан хясаа үзэгдэх болж, урсгал баахан ширүүдлээ. Бух өвгөн салын урд үзүүрт очиж зогсоод урдах замаа ажиглан харж,
- Одоо боргиотой газар ойртлоо. Би залуур барья, та нар хатгуур мод бариад, миний залуурт тусалж, хатга гэсэн газар зэрэг хатгаарай гэж, хөөсрөн буй усны урсгалыг ажиглан, голын урсгал нь, усан дунд энд тэнд цухуйж байгаа том ургаа чулуунд мөргөж хөөсрөн буйг сүрхий ажин чулууны завсраар салаа гаргах гэж байгааг чадлаа гарган оролдов.
Чингээд нэгэн хэсэг ургаа чулууны завсраар салаа гаргатал, голын өндөр эрэг дээр бороохой, жад, чулуу барьсан нилээд олон хүн салчныг бургасны завсраар даган гарч ирсэн бололтой.
- Ээкүүр күүр бисийс?
- Ийдүү комоннеэ? гэж эргийн улс хашгиралдан, эрэг рүү зал гэж Бух өвгөнд дохин дохин хашгиралдаад, үний нь эс дагасанд чулуугаар чулуудаж гарав. Зарим нэг нь ахар жад шидэцгээн, Үхүү чулуунд цохиулж ус руу ойчтол, Шонхолой шүүрэн барьж, саравчин дотроо оруулж авав. Залуудай, Гекүү хоёр хатгуур модоороо Бух өвгөнд тусалж, Гекүү нь чулуунд хацраа хага цохиулан цус гоожуулж байтал, Бух өвгөн бас нэг ахар жадаар хөлөө шархтуулж, Шонхолойг дуудтал Шонхолой хавчаахай нумаа авч, харваж нэг хүнийг унагаад, нэг хүний ахар жадаа шидэх гэтэл нь эгмийг нь онож, ус руу бууж байсан нэг хүний гуя уруу нь харван унагаасанд эргийн улс гайхан сандрав. Тэр самбаанд Гекүү бас хавчаахай нумаа авч, нэг хүнийг оносондоо баярлаж,
- Хумкаа! Хумкаа! гэж хашгирав.
Саравчин дотроо Үхүү босож ирээд бас дүүгүүрээ барьж чулуу хүнгэнүүлэн дүүгүүрдэж, хоёр гурван хүнийг шарватал, ойчтол чулуудаж,
- Хумка! Хумка! гэж Гекүүгийн уриаг хашгиран дүүгүүрдэв.
Шонхолой, Гекүү хоёр харвалдаж, Үхүү дүүгүүрдэн, Бух өвгөн залуурдан, Залуудай хатгуураар хатгаж, салаа боргионы чулууны дундуур тээглүүлэхгүй гаргах гэж байдаг чадлаа гаргацгаав.
Чингээд, эргийнхэн, салчны нум, дүүгүүрийн чулуунд хэдэн хүнээ шархтуулаад, түрүүнийх шиг хамаагүй ойртохоо байж, дүүгүүрийн чулуу хүрэхгүй газар зайлбаас, Шонхолой, Гекүүгийн сум туссаар тул, арга буюу холдон зайлаад, өөрсдөө чулуудаж үзвэл, чулуу нь хүрэхгүй, ахар жадаа шидээд үзэхэд, жад нь хүрэхгүй болсонд ихэд тэсэж ядан хорсоцгоож, муухайгаар хашгиралдан, зарим нь чоно шиг улин, тун их шуугилдан, сал дагаж эргээр гүйлдэв.
Чингэтэл Бух, Залуудай хоёр, салаа боргио дундаас гаргаж тайван намуухан урсгалтай газар ороод, дайснаас баахан хөндийрөх гэж, нөгөө талын эргийг дагасхийж салаа залав. Сал дагасан дайсан салалгүй хашгиралдан дагах тул Бух өвгөн нөгөө эргийн зүг салаа залаад,
- Энд бууж, саравчаа бургас модоор зузаалъя. Би ч хөлийнхөө шарх боосуу. Та нар ч шарх олсон цохиулснаа аргалж үз гэв.
Эрэг дээр гарч, салаа аргамжаад, бургас огтлон, саравчаа дайсны ахар жад, чулуунаас хамгаалах гэж сүлжиж Залуудайгаар манаа тавиад нөгөө эргийн дайсныг ажиглан сэрэмжил гэж захиад, Шонхолой, Бух, Гекүү, Үхүү бургас огтолцгоогоод Бух өвгөн тэр бургасыг нь сүлжин дайсны талаас ирэх чулуу жадаас хамгаалах халхавч босгох гэж салын гулд модны дагуу гадас хатган тогтоож, хооронд нь бургас сүлжин, босоо хүний суганд хүрэх хашилт хийж, сүлжсэн бургас давхар барин зузаалав.
Залуудай эрэг дээрээсээ дайсныг ажиглан харваас, аянчныг салаа бэхэлж байгаад хорсон чулуудахыг оролдовч, Залуудайн сумаа онилон харвах гэхэд нь шидэхээ байж, гэдэргээ ухардаг байв.
Таван аянчин, салаа дайсны жад чулуунаас хамгаалах гэж оролдсоор байтал, нар ч баруунаа нилээд хэлбийв. Нөгөө эргийн хүн ч бас нилээд нэмэгдэв. Шуугилдах нь ч их болов. Чингэсээр нэг хэсэг нь эрэг дагуу доошоо гүйлдэв. Нэг хэсэг нь мод шатаан ухаж хийсэн суман онгоц дамжлан авчрав. Бух өвгөн, дайсны тэр бэлтгэлийг хараад
- Одоо л горигүй болж эхэллээ. Доошоо гүйдэг нэг хэсэг нь лав суман онгоцоор голын нөгөө талд гарч, биднийг жадлан чулуудах гэж байгаа байх. Эд нь суман онгоцоор биднийг дайрах санаатай, олондоо бардаж байгаа хэрэг. Бид нум дүүгүүртэй төлөөдөө л нэг хэсэг тулна. Дүүгүүрийн чулуу базааж авах хэрэгтэй байна. Годоль нилээд олныг Шонхолой бид хоёр хийж авсан маань одоо л хэрэг болох нь дээ. Хамаагүй харваж болохгүй шүү! Годоль гарзадвал аминд хортой болно шүү. Нэг годоль нэг дайсан, нэг дүүгүүрдэхэд нэг ёолох таарч байвал ухаантай юмсан. Шонхолой бид хоёр ээлжлэн сал зална. Залуудай, Үхүү, Гекүү та нар харвах нь харваж, дүүгүүрдэх нь дүүгүүрдэхдээ, чулуу годлио хамаагүй бүү зар. Дайсан гуя онгоцоор халдаж, сал дээр гарах гэвэл Шонхолой бид хоёрын нэг маань тулуур модоор дайсны онгоц түлхэн зайлуулна. Тэгэхэд та нар чулуу годлиор биднийг хамгаална шүү гээд, салынхаа аргамжааг тайлж дайсангүй талын эрэг бараадасхийн уруудав.
Эргээс салыг довтлогсод, салын хойноос нэг суман онгоц усанд тавин хоёр хүн хатгаж, гурван хүн ахар жад хэд хэдийг тэврэн суув. Тэгээд онгоц нэгд салаас хурдан, хоёрт хатгах хүн хоёр тул, салын хойноос хөөж, эрэг дээр байсан хүмүүс онгоцоор салын хойноос хурдлан явахад нь баярлаж хашгиралдаж, өөрсдийнхөө хүнийг зоригжуулан, эрэг дагуу гүйлдэв.
Бух өвгөн дэргэдээ жадаа тавиад бар цоохор саадаг хоромсгоо агсаад суман онгоц санамсаргүй ойртоод ирсэнд Шонхолой, Залуудай, Гекүү гурвын харвахыг завдмагц,
- Хоёр хатгуурчныг унага! гэж хашгиран Бух өвгөн яаран нумаа суга татаж, годлио онилоод харвамагц, дайсны онгоцны нэг залуурчин суманд харвуулан усанд пал хийтэл ойчоод нөгөө залуучин нь хатгуур модоо усанд алдаад, онгоц руугаа унав. Ахар жад барьсан нэг хүн шарх олж, онгоцондоо хөндлөн тавьсан жадаа усанд алдаж үлдсэн хоёр хүн ахар жадаа шидэх гэтэл, нэг нь Үхүүгийн дүүгүүрийн чулуунд цохигдож, гэдэргээ алдлан унав. Ганц жадчин үлдсэн нь сандрахдаа ус руу үсрэн ортол онгоцны хушуу нь салд ойртон тулсанд, Бух өвгөн онгоцыг нь татаж аваад, үзүүрт нь байсан аргамжий нь суга татаж, суман онгоцыг олзлов. Эрэг дээр сал дагаж гүйлдэгсэд, нэг суман онгоцоо автагдсанд хорсон бархиралдаж, Үхүү тэр ус руу үсэрч орсон жадчиныг хэд дүүгүүрдэн, чулуу толгойг нь оносонд, усанд далд ороод дахин үзэгдсэнгүй.
Суман онгоц дотор ойчоод хэвтсэн гурван хүн, онгоцоо баригдсан гэж мэдмэгц, үхэлдэн тулах санаа шулуудаж, суман онгоцоо салын залуур шөргөөх чимээгээр ухасхийн босоод, залуураас барин нэг жадчин, сал дээр үсрэн гарлаа. Гэнэт хүн үсрэн гарч ирэхэд сал дайвалзан, залуур барьсан Бух өвгөнөөс бусад нь хөл дээрээ тогтож ядан унацгаатал, бас нэг жадчин, сал дээр жадаа тулан гарч ирэв. Эргийн олон хүн баярлацгааж,
- Дьявакал! дьявакал! Ва акал гэж хашгиралдан цовхчиж, салын зүг чулуу жад шидэцгээв.
- Жафамби! Ваамби! гэж Хумка үгээрээ хашгираад Үхүү бороохойгоороо нэг жадчиныг тас хийтэл цохин буулгатал, нөгөө жадчин Үхүүгийн элэг рүү жадлахыг завдсанд Залуудай жадан дээр нь сүхдэж, хүчийг нь бууруулсанд, Үхүүгийн гэдсийг нь шалба зуран үзүүрээрээ сал шаасанд тэр жадчин халтирч ойн босохтой нь хамт Гекүү бороохойгоороо цохиж унагав. Чингэтэл, тулалдах үес залуур эзэнгүй болсон учир, сал усны урсгалд цохигдон, дайсны эргийн зүг ойртож, эргийн зарим хүн, сал дээр гарсан хүндээ туслах гэж усанд орцгоож салд нилээд ойртож ирсэн тэл, Бух өвгөн, яаран залуураа шүүрэн, нөгөө эрэг тийш салаа залав. Салын модноос барилцан, хоёр гурван хүн өөдөө авиран гарахыг завдсанд Гекүү нэгийг нь бороохойдож, Үхүү сүхээрээ нэгийг нь цавчин, эгмийг нь тас цохитол, хажууны нь хүн Үхүүгийн гараас шүүрэн хоёулаа усанд далд оржээ. Эргийн олон шуугилдан, сал дээрх дөрвөн аянчин, нэгийгээ усанд алдсанд гашуудан хашгиралдаж, тэсгэлгүй хорссондоо хавчаахай нумаа шүүрэн усан дунд айсуй буй хэдэн дайсныг харваж гарав. Чингэж байтал Үхүү салын урд үзүүрийн тэнд цухуйн гарч, өөдөө авиран гарах гэж оролдтол Залуудай гүйн очиж, Үхүүг татан гаргав.
Усаар сал хөөсөн хүний зарим нь суманд тусагдан живээд бусад нь сандан мэгдэн эргийн зүг дутаав. Дайсны ширүүн довтолсныг няцаагаад таван аянчны дотор баахан онгойж, Бух өвгөн салаа айдсны эргээс холдуулсанд, завшаанаа гол өргөн болж, эргийн дайсан хор хийж чадахгүй боллоо.
Үхүү усан дотор тулалдсандаа халаад, бүх бие нь чичрэн жаданд зуруулсан гэдэснээсээ цус гоожихыг үл анзааран, дөрвөн нөхөртөө тэр дайсныг усан дотор багалзуурдсанаа дүрслэн үзүүлж,
- Хумка! Хумка! хэмээн хашгиран, эргийн дайсны зүг гараа зангидан занав. Чингээд усан дотор сүхээ алдсандаа гашуудан:
- Миний сүх, миний сүх! гэж ус руу зааж хашгирахад нь Бух өвгөн өрөвдөж,
Шонхолойгоор залуураа бариулаад, саравчин дотроосоо түрүү ишилсэн нэг цахиур сүх гаргаж,
- Гэртээ аваачих гэсэн сүхээ би урьд шөнө та нарыг унтаж байхад энэ тулаан болохыг мэдсэн юм шиг ишилсэн билээ. Миний бие мэнд хүрвэл цахиур хаа мундахав. Энүүнээс дутуугүй сүх би хийж чадна. Үхүү май! Энэ сүх ав!
Араатан дайснаас
Амийг чинь хамгаалж
Урдах хүний
Улан дороос
Хойтох хүний
Хормой дороос
Олзын ихийг
Олгон баярлуулж
Уруулыг чинь тосдож
Урмыг чинь оруулж
Гэдсийг чинь цатгаж
Гэр өрхийг чинь гийгүүлэг!
гэж ерөөж өгөхөд нь, Үхүү үгийг нь сайн ухаараагүй боловч урт иштэй сайхан цахиур сүх өгч байгаад нь ухаангүй баярлаж, сөгдөн аваад эргийн дайсны зүг шинэ сүхээ далайн Хумкаа! Хумкаа! гэж гурав дахин омгийнхоо уриа хашгиран хурайлав.
Тэр сүх нь сүх хийж үзээгүй ойн хүний Хумка омогтонд байтугай Чонос омгийн дайчин эрчүүлд ч байхгүй гэмээр сайхан сүх тул, Хумка Үхүүгийн баярлах нь ч аргагүй. Гекүү нөхрөө тийм сайхан сүхтэй болсонд бас их баярлаж, нөхрийнхөө уриаг тосож аван бас Хумкаа! гэж ялгуун хашгирахад, Залуудай, Шонхолой хоёр бас Чоносынхоо уриаг Ваа! гэж хашгиран, Бух өвгөн ч Ихэрэс омгийнхоо уриа Шоо! гэж хашгирлаа.
Өргөн мөрний ус, жаргаж байгаа нарны гэрэлд түмэн толбо мяралзуулж, тулаанд сүрдсэн усны шувуу ганганан нисэлдэж хараацай салын өмнүүр усан дээгүүр ялаа шумуул шүүрэн жирэлзэж, үдшийн сэрүү татлаа.
Бух өвгөн дайсангүй эргийг бараадасхийн салаа залж, алсыг ширтэн хараад,
- Тэр дор бургаснаас бас нэг суман онгоц цухуйж биднийг тосож байгаа бололтой.
Манай олзны онгоц дотор нэг тулуур нэг сэлүүр хэвтэж байна билээ. Залуудай Гекүү бид гурав онгоцонд сууж дайсны зам болж, Үхүү та хоёр салаа залан гарч үз гэхэд нь Шонхолой онгоцоо салд ойртуулан, Бух, Гекүү хоёр нум сумаа авч онгоцонд суугаад, Бух өвгөн бас жадаа авч нэг багц сум задлан, хоромсгондоо хийгээд гурвуул онгоцондоо сууж, Шонхолой тулгуур мод барин, Бух өвгөн сэлүүрээр хүч нэмэлцэж, салаас түрүүлэн, дайсны онгоц бургасан дундаас цухуйн буй газар ойртон очив.
Эргээр дагаж явсан хүн шуугилдаж, өөрийн онгоцны зүг гүйцгээж, дайсны суман онгоцны тэндээс бас хоёр мод бургасаар холбож, хэдэн жадтай хүн дээр нь унаад нэг нь урт модоор хатгаж, аянчны зам хөндөлсөх санаатай дөхөв.
Нүүрээ улаан шар цусаар алаглан сүр оруулж будаад, үс нь сагсайсан, догшин зэрлэг царайтай дайсны хүмүүс бүдүүн хийцтэй цахиур чулуун гилбэртэй жад барьцгаан, эрэгчин эмэгчнээ үзэлцэн тулахаар санаа шулуудаж түрүүчийн довтолсон нь дарагдсан боловч хүн олон хүч давуудаа эрдэн муухай бүдүүн хоолойгоор байлдааны дуу бархиран дуулж, салыг дайран махаараа дарна гэж аянчны зам тосон ирэхэд онгоцоо сум тусахаар ойртмогц Бух өвгөн
- Би юуны өмнө сэлүүрчин залуурчныг нь харваад байна. Шонхолой, Гекүү та хоёр дайсны аль аюултайг нь харваад байгаарай гээд, Шонхолой хатгуур модоо онгоцондоо хийж, Бух өвгөн сэлүүрээ хураагаад холбоо мод унасан дайсны залуурчныг ганц сумаар унагаахад тэр хүн ойчингуутаа холбоо модны бөгсийг шарвуулан, толгойгоороо нөгөө суман онгоцны хатгуурчны мод цохин унасанд, хатгуурчин нь тэнцүүрээ алдан усанд ойчлоо.
Нөгөө залуурчин нь Шонхолойн суманд харвуулж, шарван ойчиход нь суман онгоц нь хөмөрчихлөө. Мод унасан хүний нэг нь Бухын суманд шарх олж, жадаа усанд унагаад, сал дээрх Үхүүгийн дүүгүүрийн шунгинах чулуунд бас нэг нь толгойгоо цухуйлган ойчиход үлдсэн нэг нь ахар жадаа шидээд арай холдсон тул жад нь салын наана усанд ойчоод гилбэргүй үзүүр нь дээшээ гозгонон хөвлөө. Хөмөрсөн онгоцны хэдэн хүн, бухын онгоцонд ойртсон тул, Шонхолой жадалж Бух өвгөн онгоцны бөөрнөөс шүүрсэн нэг гарыг сүхээрээ тас цавчин, Ихэрэсийнхээ дайчин уриаг Шоо! гэж хашгиран, сумаа онилж усан дунд харлан буй нэг толгойг урт ишт сүхээрээ буулган, бас нэг дайсныг дарлаа. Чингэтэл, салын хажуунаас гэнэтхэн хоёр сагсгар толгой уснаас цухуйж жад атгасан хоёр хүн сал дээр гартал, Үхүү шинэ сүхээрээ нэгий нь далан дундуур нь татаад унагаж, нөгөө хүнийг цавчих гэж сүхээ далайтал, тэр нь дайран орж, Үхүүг дайран унагалаа. Залуудай сандарч, залуураа хаяад Үхүүг тэнхрүүлэх гэж үсрэн гүйж очоод, дээр дороо харалцан ноцолдож байгаа тэр хоёр хүний дэргэд дэмий л цовхчин, Үхүүгээ цавчуузай хэмээн болгоомжилж хийг нь тааруулах гэж байтал, дайсны эр Үхүүгийн дээр гараад ирмэгц, Залуудай сүхээ ууцан дээр нь буулгаад авлаа.
Дайсны бие нь шал хийгээд суларсанд Үхүү дороос нь суларч сүхээрээ аман хүзүүн дээр нь ясыг нь шархийтэл буулгаад Хумкаа! гэж дайчин уриагаа уриалав.
Онгоц дээрх Бух өвгөний дотор онгойж, Шоо! гэж Ихэрэсийнхээ уриа цуурайтуулан, усанд сэлж яваа нэг дайсныг харван далд оруулсанд Шонхолой, Чоносынхоо уриа Ваа! ваа! гэж ялгуун хашгирч, дайсны хөмөрсөн онгоц татаж авав. Чингээд, бариул талын үзүүр нь гозос гозос хөвж явсан дайсны хэдэн ахар жадыг нь түүж авахад эргийн хүмүүс, өөрийн талын эрчүүл дарагдсанд шуугилдан хашгиралдаж онох онохгүй, хүрэх хүрэхгүй нь хамаагүй ахар жад, чулуугаар дэмий л тэчьядан чулуудав.
Таван аянчин, хоёр удаагийн дайран довтолсныг нум сум, дүүгүүр, урт ишт сайн чулуун сүхийн давуутай чадлаар няцааж дайснаа дарж хүнгүй эргийг барин уруудахад дарагдсан тэр үл таних омгийн хүмүүс дээлдээ багтаж ядталаа, уурлан өширхөж, хараан зүхэж нэг хэсэг дагалдаж явтал нар ч шингэж харанхуй ч болж эхлэв. Шонхолой тэдний зүг хараад,
- Энэ омгийн улс, цахиур хавирч гал асааж чаддаггүй улс байна шүү. Ваар саванд галаа аваад явж байна. Тэр цогтой галыг нь унтраавал лав дахин гал олж автлаа гал алдаж сандрах юм байна. Энэ харанхуйн далимаар олзныхоо онгоцонд сэмхэн сууж, зам дээр нь тосоод савтай галыг нь бороохойгоор няц цохиж орхивол бидний хойноос хөөдөг зориг нь мохох ёстой. Эс тэгвэл энэ хэрмэл улс биднээс саядаа салахгүй шөнө гэнэдүүлэн дайрах гэж зовооно гэхэд нь Бух өвгөн,
- Тэр зөв. Хоёр хүн явахгүй бол горьгүй. Нэгэнд нь би явсуу. Манай хоёр Хумка арай л мулгуудах болов уу? Залуудай бид хоёр явбал яана? Шонхолойтой явбал энэ сал дээр Залуудай залуудан ганцаардаж, бид хоёр хэрвээ осолдоход хүрвэл хоёр Хумкатайгаа баларна гэсэн үг. Шонхолой энэ хоёртойгоо үлдвэл хал үзэж хашир таниснаараа наад хоёртойгоо хүч нийлэн, хирийн юманд санаа зоволгүй аргалах байх гэж би бодож байна гэхэд Шонхолой хүүгээ хараад,
- Могойг нарийн, дайсныг буурай гэж голж болдоггүй шүү дээ, хүү минь. Эрийн цаана эр байдаг гэж бодож болгоомжтой яваарай. Бух авгайнхаа үг сонсож сургаалыг нь дагаж яваарай хүү минь. Харийн газар хартны дунд орохдоо, Бух авгайгаа л сүүдэр шиг дагаж сугыг нь түшиж явдаг юм шүү! гэж хүүгээ явуулан хэлсэнд Бух, Залуудай хоёр олзны онгоцны нэгэнд нь суугаад чимээ гаргахгүй гэж сэмхэн хатгасаар харанхуйд үл үзэгдэн одов.
Шонхолой цахиураа хавирч гал асааж, дайсны анхаарлыг салдаа татах арга хэрэглэсэнд цахиур хавирах чимээ, цахиурын оч гялалзах нь нөгөө эргийн хүнд андашгүй гялс гялс хийж харагдаад удалгүй сал дээр бургасан хашааны завсраар гал харагдахад, эргээр явагсад шулганалдан юм дуугарцгаах чимээ нь дуулдаж, галт ваар барьсан хүн нь бусдын сүүлд явах шинжтэй, цогийн гэрэл хааяа хааяа сүүмэлзэсхийх нь харагдав.
Шонхолой, Үхүүгээр залуураа бариулаад, сал дээрээ дайсны талаас хамгаалан босгосон бургасан сүлжмэл хашааны цаанаас харанхуй эргийн зүг дайсны талд юу болохыг харж суутал, гэнэт нэг юм пидхийтэл цохих чимээ дуулдаж, оч бутарган нэг юм усанд шар хийж ойчих чимээ гарч, ус руу, чулуу мод жад буух, бургасанд тээглэх чимээ гарч, хүн хашгиралдах, шуугилдах дуу харанхуйд дуулдлаа.
Манайхны дуу гарах нь уу? гэж чих тавин нэг хэсэг суутал хойноос нь суман онгоцны хушуу галын гэрэлд харанхуйгаас гарч ирээд, Бух өвгөн Залуудай хоёр онгоцноос сал дээр гарч ирлээ. Сал дээр байсан гурван хүн баярлаж, олзныхоо хоёр онгоцыг салын хоёр бөөрнөөс аргамжаад, Бух өвгөн, сал дээр түлсэн галаа унтрааж, харанхуйгаар салаа дайсангүй эргийг бараадасхийн залах зуур, дайсны галыг хэрхэн сөнөөснөө ярьсан нь:
Залуудай бид хоёр дайсны эргийн зүг ойртоходоо араас нь орох гэж сүүлдэж дагаад бургасны нэг чөлөөнд, онгоцоо олоход амар газар Залуудайгаа онгоц дээр нь үлдээгээд, дайсны хойноос нь дагалаа. Завшаан дайрч, салхи хойноосоо миний зүг дайсны үнэр надад мэдэгдээд, миний үнэр тэдэнд мэдэгдсэнгүй.
Галтай сав барьж явсан хүн, хамгийн сүүлд явсан тул түүнийг цохиж унагаад галтай савыг нь шүүрэн авч усанд хаяад, хажуу тийшээ зайлахад минь урд явсан улс, галаа сөнөөлгөснөө гайхан дэмий л ус бургас руу мод чулуу шидэлцэн жадалж намайг хөдөө талд нь хоргодсоныг мэдсэнгүй шуугилдан сандрах хооронд нь аяархан араар нь гарч, онгоцоо хүлээлгэсэн газар мэдэгдэлгүй хүрч, та нарын гал дагаж, хойноос тань хүрээд ирлээ. Сал дээрээ гал асаасан тань бидэнд их тус болсон. Одоо галаа унтраагаад, харанхуйгаар эндээс холдсон дээр. Бидэнд халдсан улс, өөр галт сав үгүй бол галаа алдаад нэг хэсэг их сандарч биднийг хөөх байтугай өөрсдөө гал үгүй яаж амь зууна гэж тэвдэх вий. Чимээ л гаргалгүй явж үзье. Манай сал дээр гал бий гэж бодоод, учир мэдэхгүй улс, галын төлөө улайран дайрч болох юм шүү.
Энэ шөнө унталгүй явж, дайсны нутгаас холдож үзье гэхэд нь бүгдээрээ дайснаас холдох гэж Шонхолой, салынхаа толгой талд гарч, Бух өвгөн залуур барин Залуудай ээлтэй эргийн талд хатгуур барин, Гекүү, Үхүү хоёр салын бөгсөн урт модоор тулж садыг хурд нэмүүлж аль болохоор чимээгүй явахыг оролдоход хойгуур урдуур нь хааяа том загас энд тэнд цүлхийх чимээ гарч, мөрөн голын хоёр захын шугуй бургасны навч нь салхинд шуугинан дайсны эргээс харьтан хүний үнэр нь мэдэгдэмгүй шахам болсоор, нэгэн хэсэг явахад, усны чийг замгийн үнэр ханхлахаас биш, эргийн хүний үнэр огт мэдэгдэхгүй боллоо.
Чингэхэд таван аянчин сая ядарч ам ч цангаж гэдэс ч өлссөнөө мэдэж, шарх олсон нэг нь шарх өвдөх хорсохыг сая мэдэвч дайснаас бүрмөсөн холдож аюулгүй айван тайван хүрэх юмсан гэж залуураа барьсан өвгөн Бух тулуур модоор голын ёроол хатгаж, салаа хурдлуулж яваа Гекүү, Үхүү хоёр, эргийн тал тэмтрэн хатгаж яваа Залуудай, салын толгойд хатгуураар хатгаж, эрэг мөргүүлэхгүйг хичээж яваа Шонхолой цөм их аюулаас мултарсандаа хатуужиж, биеийн чилэхийг юмнаа тоохгүй явлаа. Дараа энэ таван хүнд ямар явдал урт замд нь тохиолдохыг хойд хэсэгт үзнэ үү.


Top
   
PostPosted: Jun.22.16 1:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5593
mark


Top
   
PostPosted: Jun.24.16 5:55 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Арваннэгдүгээр бөлөг

ЗАГАСЧИН ОМОГТОЙ ДАЙРАЛДСАН НЬ

Шөнө дундаас хойш Бух Шонхолой хоёр дайсны эргийн зүгээс огт чимээгүй тул нөгөө гурвыгаа амарч унт гэж хэвтүүлээд, өмнөд нангиа аймгийн нутгий захаас эхлэн одоо хүртэл зовлон жаргалангаа хамтатгасан хоёр найз, үүр цайтал ээлжлэн залуурдаж явлаа. Залуудайн ноёр нэн сэргэг. Үе үе хоёр өвгөдийн дүнгэр ярилцах нь дуулдавч тэр хоёр хүн юу гэж ярилцаж, юугаа дурсан үүрийн шөнийн бүрэнхүйд хэлэлцэж байгаа нь нойрын эрхээр хүүгийн ухаан мэдээнд орохгүй байлаа.
Үүр цайх үес Залуудай сэрээд харваас, Бух өвгөн унтаж ав нь залуур барин суув. Дэргэд нь Гекүү салын хажууд суун хавчаахай нумын годлийн мод цахиур хутгаар засаж, өчигдрийн байлдаанд алдсан сумын тоог гүйцээх гэж оролдож байгаа бололтой, зорж зассан модоо Шонхолойд шалгуулан үзүүлж, зэв суулгахад бэлэн болсон нилээд мод хажуудаа тавьжээ.
Залуудай өндийж босоод авынхаа дэргэд очиж халааг нь авч залуурыг нь барин голын хоёр захыг хөвөөлөн ургасан бургас шугуйд үүрийн салхи шуугинан, урсгал ус үелзэн, хөлгүй гүнзгий газар мэлтийн харлаж дороос ус ундрах адил цалгилах байдлыг харж, богширго бялзуухайн жиргэх чимээ сонсон явтал үүрийн туяа татаж, тэнгэр маш цэлмэг таатай сайханд усны шувууд сүрэг сүргээр дайралдан салаас нэг их айхгүй зөвхөн замаас нь холдосхийн зайлах ажээ. Чингэж явтал нэгэн хадан хушуу үзэгдэж, хэдэн гуя онгоц шиг юм холоос харагдсанд эмээж, бас дайсагнах омогтон тосуузай хэмээн унтагсадыг сэрээтэл, хадан хушууны ёроолоос хүний бараа харагдлаа. Сал хараад, зарим нь гуя онгоцны зүг, зарим нь отог руугаа гүйх нь үзэгдэхэд таван аянчин баахан эмээсхийж, дахиж тулалдах хэрэг гарав уу? гэж салаа нөгөө эргийн зүг залсхийтэл, хадан хушуу ч ойртлоо. Эрэг дээр эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд шуухад цуглаж даллаж эхэллээ. Холоос харахад гартаа зэр зэмсэггүй, халдах довтлох санаагүй мэт тул аянчны санаа амсхийж, найрсаг байдалтай даллахад нь аргагүй салаа эргийн зүг залав.
Загасны элдсэн арьсаар хувцас хунар хийсэн хүрэн улаан царайтай эмэгтэй эрэгтэй хүн үл мэдэгдэх үгээр юм хэлж, хэдэн чийрэг эрс, гуя онгоцноос том том хилим барин авчирч дайлах санаатай тун элэгсэг байхад Бух өвгөн,
- Хүн гэдэг ийм л байх ёстой юм даа. Хэл мэдэхгүй өөр омгийн хүн гэсэн ч хүн хүндээ нөхөрсөг найртай байх ёстой юм шүү дээ. Бууя гэж салаа эргийн зүг зориглон залаад аргамжаа эргийн зүг хаямагц хэдэн хүн ухасхийн тосож аваад эргийн захын улиаснаас аргамжив.
Хэл нэвтрэхлцэхгүй боловч дохиогоор санаагаа нэвтрүүлэн найртай сэтгэлээ илэрхийлэлцэж, тавуул тэр эргийн хүний отог дээр нь хүрч очиход эмэгтэйчүүд, хэдийн галд загас шарж зарим нь тарган загасны түүхий мах зурвас зурвасаар зүсээд, давсанд дарсан сонгино мангиртай тавьж зочилжээ.
Таван аянчин гэдэс нилээд өлссөн тул тулманд хайлах тарган хилимийн түүхий мах, дарсан ногоотой маш амтархан идээд, шарсан загаснаас нь бас цадталаа идлээ.
Зочныг дайлаачин, Бух өвгөн, Үхүү хоёрын шархтайг үзээд юм асууваа. Хэл нэвтрэлцэхгүй тул дохиогоор Бух өвгөн, голын боргионы байдлыг чулуу заан дүрсэлж, эргийн зүгээс хүн дайран чулуу, ахар жад шидэн халдсаныг гар хөл, царай биеийн хөдөлгөөнөөр маш чадамгүй харуулж, тэр отгийн улс
- Кара Намиаттар! Кара Намиаттар! гэж шуугилдан, тэр дайчин Нар Намиад омгийнхонд голд загасчилж яваад дайруулж хэдэн хүн алдсанаа дохиогоор үзүүлж, хоёр хуруугаа гозойлгон явган сууж сэлэх байдал дүрэм гаргаж тулалдаад хоёр онгоцноос хүн усанд унаж, онгоцоо хар Намиадын хүнд алдсанаа дохин дүрсэлж үзүүлэв. Шонхолой тэр дохио байдлыг нь ажиглаж байгаад манай олзолсон хоёр онгоц эдний онгоц биш байгаа гэтэл нэг хижээлхэн загасчин, эргийн зүгээс гарч ирээд сал зааж юм хэлэхэд загасчид шуугилдаж Бух Шонхолой хоёроос нэг юм асуух мэт тул Шонхолой босоод салын зүг одвоос загасчин хойноос нь очоод салаас аргамжаатай хоёр суман онгоц заан, хушуунд загасны толгой дүрсэлснийг заан юм хэлэхэд Шонхолой дохиогоор тэр хоёр онгоцыг Хар Намиадаас олзолсно таниулав.
Чингээд энэ хоёр онгоцоо та нар ав гэж дохиход тэр загасчид учиргүй баярлав.
Тийм онгоц хийхдээ галтай цог тавьж шатсан газар нь чулуун сүхээр хусаад, дахиад цог тавьж шатсаныг нь цахиур хусуур сүхээр хичнээн олон хоног ухсаар сая нэг онгоц хийдэг түмэн төвөгтэй ажлыг Шонхолой андахгүй тул, тэр загасчны баярлах нь аргагүй гэж тэдний хамт баясалцаж хүнээ алдаад, онгоцоо олзлуулсан улс, санамсаргүй дахин онгоцоо олж авсанд нь ийм сонин тохиол бас байдаг юм аа гэж бодсоноо отог дээр очиж Бух өвгөнд хэлбээс:
- Чи тэр хар Намиадыг галаа сөнөөлгөж хоёр онгоцоо алдсанд нь өрөвдөж, онгоцыг нь урд шөнө тэдний эргийн бургаснаас аргамжих гэж байсан шүү дээ. Тэр тонуулчинд онгоц олдоно. Бидэнд илүүдэхгүй авч явъя. Бусад хүнд өгсөн ч авах эзэн олдоно гэж миний хэлсэн одоо зөв боллоо. Энэ найрсаг загасчин онгоцоо бидний хүчээр эргүүлж авах түүхтэй байж л дээ гэж хоёр найз баярлалдав.
Чингээд дайлуулж дайлуулж аян замаа хөөх гэж найрсаг загасчинтай салах ёс хийхэд нь тэр отгийн нэг эмгэн, Бух, Үхүү хоёрын шарханд навч үндсээр найруулсан эм талбин боож өгөөд, загасчингууд хэдэн том хул халим загас бэлэг болгож өглөө.
Нэг чийрэг загасчин ясаар хийсэн сайхан сэрээ өгч Шонхолойг загас сэрээдэж байгаарай гэж дохисонд, сайхан сэтгэлт Шонхолой сал дээрх юмнаасаа хирисий эврээр замдаа зорж хийсэн жадын гилбэр хариу бэлэглэж, хоёр этгээд маш элэгсэг найртайгаар салах ёс хийхэд тэр сэрээ бэлэглэсэн чийрэг загасчин биеэ нөхдөө заагаад,
- Биз Балакчинар бар гээд балак балак! гэж загас заасанд Шонхолой тэр дохиогоор нь бид Загасчин улс гэсэн юм байна гэж ухаараад
- Би Чонос гээд, хүүгээ зааж Чонос гээд Бух өвгөнийг заан Ихэрэс, Үхүү, Гекүү хоёрыг заан Хумка гэсэнд Балакчинар учрыг мэдэж, толгой дохин маш элэгсэг байдал үзүүлэв. Чингээд таван аянчныг салдаа суугаад өргөн мөрөн уруудахад хойноос нь талархах үг хэлж гараар дохин эрэг дээр удтал зогсов.
Чингээд хадан хушууг тойртол дахиад хүн үгүй зэлүүд их тал газар сүрэг сүргээр бэлчиж яваа хулан зээр үзэгдэж цаана нь хөхрөн харагдах өндөр уулс сүндэрлэн, сүрлэг жавхлант байгалийн байдал тун үзэсгэлэнтэй тул өргөн мөрнийг уруудан яваа таван аянчин чив чимээгүй сууж, баян хангай дэлхийг харж, амьдын жаргалыг эдэлж явлаа.


Top
   
PostPosted: Jun.27.16 7:48 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Энэ номыг уншиж байгаа хүн байхгүй юм аа даа


Top
   
PostPosted: Jun.27.16 11:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5593
bna shd


Top
   
PostPosted: Jun.28.16 1:06 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
уншиж байнаа, модон дээр гарахдаа тугал авч гарна гэхээр тоймгүй бяртай хүмүүс юмаа, авчраад наадамдаа барилдуулах юмсан, хэхэ, Бай кул гэж Байгаль нуур байх тэгэхээр наадулл чинь Сэлэнгэ мөрнөөр явж дээ, уг нь одоо динозвртай таардаг бол тээ, гоё тулаан болно доо, Блоодоо баярлалаа, оруулад байгаарай, бүгдийг нь уншиж байгаа шүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited