1.ХУВРАГИЙН АМЬДРАЛ
1.Миний шавь болохыг хүсэж буй хүн орон нэг,нийгэм,эд хөрөнгөө орхих хэрэгтэй.Миний сургаалийн төлөө энэ бүхнийг орхисон хүн бол Миний өв залгамжлагч юм.ийм хүнийг л лам хувраг гэдэг. Хүн хэдийгээр Миний хувцаснаас зуурч,Миний мөрийг дагалаа ч гэсэн сэтгэл нь шуналд автсан байвал Надаас асар хол байна гэсэн үг.Хэдийгээр лам хувцас өмссөн ч Миний сургаалыг олж харахгүй байна гэсэн үг.Миний сургаалыг эс харсан хүн ,Намайг олж үзэхгүй. Надаас зуу зуун мянган бээр хол байсан ч сэтгэл нь зөв болоод амгалан тайван,ховдоглож шунахыг үл мэдэх хүн,Миний дэргэд байгаатай адил. Учир нь тэрбээр Миний сургаалыг харж буй юм.Сургаалыг минь олж харсан бол Намайг олж үзэх нь тэр ээ. 2.Миний шавь хуврагууд дараах дөрвөн болзлыг үргэлж даган мөрдөх ёстой. Нэгдүгээрт,хувцас хунараа хуучин даавуугаар оёх, Хоёрдугаарт,бусдын өглөгөөр амьдрах Гуравдугаарт,модон доор,эсвэл хад чулуун дээр амьдрах Дөрөвдүгээрт хувраг хүн гагцхүү бусад лам нарын шингэнээр бэлдсэн эм тан уух ёстой. Бадар барьж айл айлын үүд тогшиж өглөг гуйланчлал мөн бөгөөд аюул заналхийллээс болоогүй,нэг ёсны хуурамч гуйланчлал юм.Энэ бол ертөнцийн бүх зовлон зүдүүрээс хэрхэн салж,төөрөгдлөөс ангижрах замыг хэрхэн олохыг өөрт нь зааж өгнө хэмээн итгэж найдсан хүний гуйланчлал юм. Хэрэв хүн сахил хүртчихээд ховдог шунахай сэтгэлээсээ салж чадахгүй,уур хилэнгээсээ болж амар амгалан байж чадахгүй,таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг хамгаалж чадахгүй бол сахил хүртэх эрх гавьяагүй бүлгээ. 3.Өөрийгөө лам гэдэгт итгэдэг,бусдын асуухад лам мөн хэмээн хариулдаг хүн өөрийнхөө тухай дараахийг итгэлтэй хэлж лав чадна. "Би хувраг хүний сахиж мөрдөх ёстой болгоныг чанд сахидаг. Хувраг хүний чин сэтгэлээр би бээр надад өглөг өгч буй бүгдэд аз жаргалыг хүсэн ерөөж,сахил хүртсэн зорилгодоо хүрэх ерөөлийг дэвшүүлж байна". Ер нь хувраг хүн яах ёстой вэ? Тэрбээр өөрийн алдаа мадаг,шившигт явдлаас ичин зовж,хэл,сэтгэлийн үйл хийгээд амьдралаа ариусгаж,таван мэдрэхүйнхээ үүд хаалгыг найдвартай сахин хамгаалж,зугаа цэнгэлд үл автах ёстой.Тэрбээр өөрийгөө магтаж,бусдыг муулах залхуурах,их унтахыг цээрлэх ёстой. Үдэш тэрбээр бясалгал хийж,чимээ аниргүй сууж,унтахынхаа өмнө салхинд түр гарах хэрэгтэй.Шөнө болоход хоёр хөлөө давхарлан баруун талаараа хэвтэж,маргаашийг бодсоор аажимхан нойрсож ,үүрээр чимээ шуугиан гаргалгүй дахин бясалгал хийж,эрүүл агаарт түр гарвал зохино. Өдөр тутмын амьдрал дунд хувраг хүний сэтгэл ямагт ариун байх ёстой.Чимээ аниргүй газрыг сонгоод бие сэтгэлээ цэх шулуун болгон сууж,шунахай сэтгэл,уур хилэн,мунхаг ухаан,нойр,сэтгэлийн тээнэгэлзлэл,харамсал,эргэлзлээс салан ангижирч ,сэтгэлээ ариусгах ёстой.Ийнхүү сэтгэлээ төвлөрүүлснээр оюун ухаанаа нэмж,хорвоогийн шунал тачаалаас салж,гэгээрэхийн төлөө эрмэлзлэн тэмүүлэх хэрэгтэй. 4.Хэрэв хүн сахил хүртсэн мөртлөө ховдог шунахай сэтгэл,уур хилэнгээс салж чадахгүй,гомдож атаархах,биеэ тоох,хуурч мэхлэх дутагдлаа нууж далдалвал энэ нь хоёр талдаа иртэй илдийг хувцсан дотроо нуусантай адил бүлгээ. Ийм хүн хэдийгээр орхимж нөмөрсөн ч лам биш,хэдийгээр бадар барьсан ч лам биш,хэдийгээр маань мэгзэм уншивч лам биш.тэрбээр гагцхүү хуврагийн гадаад дүрийг үзүүлэгч мөн. Хуврагийн дүрийг үзүүлснээр хорвоогийн шунал тачаалаас салж үл болмой.нялх хүүхдийг орхимжонд ороосон ч түүнийг лам гэж хэлэхгүй бүлгээ. Сэтгэлээ зөв төвлөрүүлж,оюун ухаанаараа гэгээрч,хорвоогийн бүх шуналаас ангижирч,үнэний замаар урагшилсан хүнийг л жинхэнэ лам хэмээнэ. Хэрэв хүн цус нь хатаж,яс нь үйрсэн ч шаардагдах бүхнийг хийхээр шулуудвал,үүнийхээ тулд өөрийгөө үл хайрлавал,сахил хүртсэн зорилгодоо заавал хүрч,ариун үйлс бүтээнэ. 5.Хувраг хүн нь бурхан багшийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй.тэрбээр хүмүүст зааж сургаж,нойрсож буйг нь сэрээж,хүмүүсийн буруутсан сэтгэлийг засч,өөрийгөө үл хайрлан сургаалыг өргөн дэлгэр сурталчлах ёстой. Гэвч номлож сургах нь амаргүй бөгөөд номлохыг хүсэгч хэн бүхэн бурхан багшийн хувцсыг өмсөж,түүний суудал дээр заларч,түүний өрөө тасалгаанд орох ёстой. Бурхан багшийн хувцсыг өмсөх нь намуун зөөлөн,хатуужил тэвчээртэй болно гэсэн үг.Бурхан багшийн суудал дээр заларна гэдэг нь бүх юмс мөн чанаргүй гэдгийг ойлгох,аливаад үл дасахын нэр юм. Бурхан багшийн өрөө тасалгаанд орох нь бүх хүнд үлэмж нигүүлсэнгүй,энэрэнгүй сэтгэлээр хандахын нэр юм. 6.Энэхүү сургаалыг номлохыг хүссэн бүхэн дараах зүйлд онцгой анхаарах ёстой.түүнд өөрийн бие өөрийн үүд өөрийн хүсэл их нигүүлсэнгүй сэтгэл энэ дөрөв орно. Нэгдүгээрт номлож буй хүн ер бусын хатуужил тэвчээрийн орчлонд амьдарч,ширүүн бүдүүлэг зан авиргүй,зөөлөн намуун байх ёстой.тэрбээр юунд ч мөн чанар үгүй хэмээн ойлгож,муу,сайны алиныг ч бүтээхийг үл санаархаж,юунд ч үл дасаж занших ёстой.эдгээрийг бодож тэрбээр өөрийнх нь бие,махбодын бүх үйл хэрэг хатуу бус зөөлөн байхын төлөө хичээвээс зохино. Хоёрдугаарт,тэрбээр өөр рүү нь дөхөн ойртож буй хүн бүхэнд анхаарал халамжтай хандаж,эрхтэн дархтан хийгээд муу аргаар амьдарч буй хүмүүсийн алинтай нь ч дотносохоос болгоомжлох ёстой.Мөн хүйс өөр хүмүүсээс холхон явбал зохино.Анир чимээгүй газар сэтгэлээ төгс төгөлдөр болгож,энэ ертөнцөд бүх юм учир шалтгааны хуулийн дагуу болж,тохиолдож буйг ойлгож,бусдыг дооглон шоглох,үл тоомсорлохыг цээрлэж,тэдний алдаа дутагдлыг ярихгүй байвал зохино. Гуравдугаарт,тэрбээр сэтгэлийнхээ амгалан тайвныг хадгалахдаа бурхан багшид,хайртай аавдаа хандаж буй шигээ хандаж,зөв замаар явж буй хүмүүст багшийн ёсоор туслах хэрэгтэй.Тэрбээр бүх хүнд асар нигүүлсэнгүй хандаж,бүгдэд ном сургаалыг ижил тэгш номлох хэрэгтэй. Дөрөвдүгээрт,бурхан багш лугаа адил тэрбээр энэрэнгүй,нигүүлсэнгүй үргэлж үзүүлж,бурхан багшийн сургааыг үл мэдэх хүмүүс номлохыг нь заавал сонсоорой хэмээн хүсэж,энэхүү хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн тулд бүхнийг хийх ёстой.
_________________ Love is the beauty of the soul
|