#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 9:12 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.29.10 8:56 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Удалгүй нэг гаднын хүн орж ирэв. Улаан гурвалжин тэмдэг дээр “Р” үсэг байвал польш үндэстэн гэдгийг хэн ч андахгүй билээ. Харин ханцуйн дээрх хар туузан дээр “Phleger” гэж бичсэн нь асрагчийн үүрэг гүйцэтгэдэг албатан гэсэн утгатай ажээ. Энэ асрагч нь хорь гарсан насны нүдэнд дулаахан залуу байлаа. Асрагчийн хөх өнгийн малгайтай. Урт хүрэн үс нь чихэн дээгүүр нь гар хүзүүг нь хүртэл бүрхэнэ. Цэвэрхэн гонзгой цав цагаан арьстай царайтай. Юм яривал зузаавтар уруул нь их зөөлөн буюу үнэнхүү залуу гэдгийг нь илтгэнэ. Би тэр залууг харж ямар цэвэрхэн хүн бэ гэж бодтол тэр харин эмчээс нэг юм асуувал, эмч шууд над руу заахад би сая учрыг ойлгож, тэр шүтэж эхэлж байсан залуугаас арзасхийн хойшоогоо татганах гэсэн боловч нэмэр болсонгүй. Асрагч залуу маш хүчтэй гараараа намайг хөнжил дотроос нэг угз татан, орноос сугалан гаргаж, амьгүй юм ороож байгаа юм шиг авчирсан хөнжилдөө ороож аваад, шууд мөрөн дээрээ өлгөв. Эндхийн эмнэлгийнхэн нь бүгд хүнийг ингэж тээдэг юм байна гэж л бодож амжив. Би хэрэндээ модон орноосоо зуурч үзсэн, дараа нь хоёр бөөрийг нь нүдээд байв. Тэрбээр намайг арчаагүйтэж байгааг мэдэрч инээгээд хүн гэж тоосонгүй. “Энэ амьдралд юм ямар их хуурамч буюу нууц байж чаддаг юм... ингэж эндүүрч бодох ч гэж дээ” хэмээн би намайг тээгчийн тухай анхлан хийсэн дүгнэлт, тэгээд үнэн хэрэгтээ ямар аюултай хүн байсан хоёрын ялгааг урьдчилж тааж чадаагүйдээ гайхах өөртөө гомдов. Ингэж нэг онолдож аваад “за за дүүрсэн хэрэг, хаашаа л аваачина, зурсан зургаараа болог” гэж би заяандаа бууж өгөв.
Бухенвальдад бас өвөрмөц газар байдгийг би тэр өдөр мэдэх болов. Уг нь дээхэн үед ч алсхан газар хэдэн ногоон модон байшин тусдаа байгаад байсныг ажиглаж “юу юм бол доо” гэж гайхдаг л байсан. Тийшээ ойртохын аргагүй, хориотой билээ. Одоо харин намайг яг тийш нь авчирлаа. Хаалгаар орвол цав цагаан ёстой л хаалга шиг хаалга байв. Дотор нь бүх юм маш цэвэрхэн, бүх юм гялалзана. Урт хонгилоор авч явбал хоёр тийш мөн тийм гоё цагаан хаалганууд байна. Нэгэнд нь намайг оруулбал халаалттай өрөө гэдгийг нь агаар төөнөж байгаагаас нь тэр дороо ойлгов. Намайг ганцааранг маань нэгэн сул орон дээр хэвтүүлэв. Орон дээр улаан хөнжил байна. Намайг хэвтүүлэхэд, би зузаан гэгчийн дэрсэн гудсанд живэв. Нүдний үзүүрээр харвал цав цагаан орны даавуу байж билээ. “Нээрээ юу?” гэж дахин сайн харж авбал яах аргагүй мөн байлаа. Толгойгоо эргүүлж даавууг сайн харвал толгой минь нэг их эвтэйхэн эргэсэнд нь гайхаж гараа явуулбал “хөөш дэр байх чинь” гэж бас нэг нээлт хийв. Дэрсээр битүүхэн чихсэн дэр байв. Асрагч намайг ороож ирсэн хөнжлөө дөрөв нугалж хөлөнд минь тавив. Даарвал бас хэрэглэж болох нь л дээ. “Халаалттай өрөөнд бас давхар хөнжил үү?” арай ч дээ... Тэгтэл асрагч нэг маягттай картон барьж орж ирээд, миний нэрийг асууж бүртгэх болов. “64921” гэж би дугаараа германаар хэлж өгвөл асрагч түүнийг бүртгэж авснаа жинхэнэ нэрийг маань бас асуув. Би нэрээ хэлэх гэтэл нэр минь орж ирсэнгүй. Ингэдэг гэж хүмүүс ярьж байсныг би сая гэнэт санав. Тэгтэл овог нэрээ сая санаж, түүнд хэлбэл асрагчийн чихэнд унгар нэр огт бууж өгөхгүй байв. Надаар дөрөв таван удаа хэлүүлж байж, нэг юм бичээд, надад харуулбал нөгөө Кёвешь Дёрдь овог нэрийг маань нэг үг болгож “Кэвшёрид” гэж буулгасан байв. “Добро есть? Гут?” гэж надаас лавлаж асуувал “Гут гут” гэж би толгой дохин болно доо гэж зөвшөөрөв. Асрагч намайг энэ тасагт бүртгэж авч, нөгөө маягтаа ширээн дээр орхиод явав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 9:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
За ингээд сая нэг сэтгэлийн түгшүүр маань тавигдах болж “би хаашаа ирчих вэ? Юу гээчийн газар вэ?” гэх айдас маань түр арилж орчноо харвал тэр өрөөнд би гарцаараа биш байгааг сая мэдэв. Харваас өвчтэй хүмүүс байгаа нь ямар ч эргэлзээгүй. Энэ улаан өнгө давамгайлсан өрөөг сайн ажиглавал хөнжлөөс гадна урт банзан шал нь хүртэл улаан лакан хөнжил харагдана. Өөр хоорондоо маш зайтай, бараг нэг метр болов уу даа гэмээр зайтай хоёрхон давхар модон орнууд байна. Уртааш дөрөвлөөд хэвтвэл хоёр өвчтөнг толгойн хэсэгт нь цагаанаар будсан банзан хана тусгаарлана. Сул ор байгааг харж би их гайхсан билээ. Энэ өрөөг арван хоёр хүнээр тооцоолж зохион байгуулжээ. Дөрөв хуваасан хүрээтэй тэг дөрвөлжин цонхоор гэрэл хангалттай орж ирнэ. Улбар бор өнгөтэй дэрний уутан дээр тамга тавьсан нь харагдана. Сайтар судалбал “Waffen SS” гэсэн бичигтэй, махир хушуутай бүргэдтэй тасга байв. Өрөөнийхөн таг чимээгүй байгаад гайхаж өвчтөнүүдийг юм дуугарах нь уу үгүйдээ гэхэд намайг сонирхоход над руу ширтэж ажиглаад амаа татсан уу гэж бодож урьдаас нь ажиглавал тэдний нүүрэнд аливаа сонирхол гайхал, баяр буюу бухимдал ер нь сэтгэж бодож байгаагийн ямар ч шинж үгүй байлаа. Сүүдэр шиг хөдлөхгүй байгаа нь маш эвгүй санагдаж, дотор арзганах шиг болсон билээ. Айдас маягийн юм хүрч, бушуухан өрөөг цааш нь лавлан харъя гэж бодов. Энэ модон орнууд ханын дагуу байрласан бөгөөд тэр дөрвөлжин өрөөний гол дунд нэг ширээ, орны эгнээний хоймрын хананд тулсан арай томоохон ширээ харагдана. Яг үүдний дэргэд ширмэн босоо зууханд гал ид дүрэлзэж үе үе часхийн дуугарч, модны хий буудна. Хажууд нь нүүрсний хайрцаг байна.
Өрөөгөө сайн харж орчноо танингуут энэ тансаг байдал гэнэт сүрхий сэжиг төрүүлэв. “Эд нар надаар ямар тоглоом хийгээд байна вэ?” гэж элдэв хар санаа толгойд эргэлдэж эхлэв. Энэ хөнжил, тухтай ор бас энэ таг чимээгүй өрөө нэг л биш ээ. Дээхэн Аушвицэд тийм нэг онцгой газар байдаг гэдгийг хүмүүс ярьж байсан нь эргээд санаанд оров. Сайхан сүү, цөцгийн тос өгч тэжээж байгаад, дараа нь бидний дотрыг ухаж, элдэв судалгаа хийдэг гэж ярьж байсан билээ. Өөрөөр хэлбэл шинэ нээлт, шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгоор тэжээж туршдаг газар юм. Гэхдээ энэ бол нэг хувилбар нь байг гэж бодоход өөр яах гээд байна гэж бодно. Одоогоор энэ хэдэн амьд хөшөөг харвал сүү тосоор гоожоогүй нь илт байв. Хоолны цаг болчихоод байхад ямар ч үнэр гарахгүй, сав сулга ч дуугарахгүй байна.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 9:38 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэгтэл бас нэг өөр бодол толгойд орж ирэв. Ухаандаа бас нэг хувилбар. Яахав эргэлзэж болно л доо. Гэхдээ лагерь шиг газар яаж ч мэднэ шүү дээ. Энд хүнээр тоглодог газар билээ. Жишээ нь яг ийм тансаг өрөөнд оруулж сайхан хэвтүүлж аваад, гоё дулаахан хөнжлөөр хучаад, сайхан үйлчлээд л гагцхүү хоол өгөхгүй байх жишээтэй. Тэгээд хүн гэдэг амьтан хэдэн янзаар яаж өлбөрч үхдэгийг бас мэдэж болноо до. Нөгөө шинжлэх ухаанд чухал хэрэгтэй бас нээлт гарч ирэхийг хэн байг гэхэв дээ. Сайн бодоод байал бас хийх ёстой судалгаа мэт сэтгэлд буугаад байв. Ийм санаа аль хэдийнэ надаас илүү мэдлэг боловсролтой хүний толгойд орж ирсэн байж мэднэ шүү дээ. Тэгээд сонирхож хажууд надаас нэг метр зайд хэвтэж байгаа өвчтөнийг судалж эхлэв. Нас нь нэлээд явсан, халзарч буй, бас ч гэж хэт итураалд орж амжаагүй хүн дүртэй юм хэвтэнэ. Чих нь гэж цаасан цэцгийн навч шиг нэвт гэрэлтэнэ. Хоёр нүд хамрыг нь тойрч шаргалдуу туяа орсон байна. Дээшээ харж хэвтэнэ. Хөнжил нь жигд хөдлөөд байхыг анзаарвал унтаж байгаа бололтой. “Гэвч унгараар ярина биз дээ?” гэж бараг л уйдсандаа шивэгнээд авбал тэрбээр ойлгох битгий хэл сонссон ч үгүй. “За за” гээд би цаашаагаа харж дараахи хувилбар сийлье гэж бодтол “Ярилгүй дээ” гэж сонсогдов. Эргээд харвал тэрбээр бахь байдгаараа хэвтэнэ. Нүдээ ч нээсэнгүй. “Гэхдээ л яг энэ хүн дуугарсан даа” гэж би андуурсандаа итгэхгүй түүн рүү гөлийгөөд байв. Юу ярихаа ч мэдэхээ больж, жаал гайхсанаа “Та хаанаас ирсэн бэ?” гэвэл “Будапештээс...”. Би баярлах гайхахын дунд “Та хэзээ ирсэн бэ?” гэж асуув. “Арван нэгэн сард даа...”. Тэгснээ би шулуухан гол зовоож байсан сэдэв рүүгээ орж “Энд тэгээд хоол өгдөг юм уу?” гэж асуув. Хөрш маань дахиад л жаал удна. Бодвоос чалчаад унах нь цаанаа бэрх байгаа бололтой. “Үгүй... асууж үзсэн...”.
Би хариуг сонсоод ам минь гацсан байтал нөгөө асрагч орж ирээд, шулуухан саяын ярьсан хөрш рүү очоод нөгөө шуурхай хөдөлдгөөрөө түүнийиг хөнжилд ороогоод мөрөндөө тэгнээд аваад явав. Тэр хооронд өвчтөний гэдэс нь миний боолт шиг боолттой байгаа би ажиглаж амжив. Боолтноос нөгөө жийрэг цаасны өөдөс салж, агаарт хөөрсөөр унавал саяын өвчтөнийг төлөөлж баяртай гэж байгаа юм шиг санагдав. Тэгтэл “Friseure zum Bad, Friseure zum Bad” гэж “үсээ засуул, усанд ор” гэсэн команд нэг их чанга сонсогдож, би чимээ гарсан зүг рүү харвал, хаалганы баруун талд нь нэгэн хар хайрцагтай чанга яригч байгааг олж харав. Энэ цагаан хоолойгоор энд зарлал тараадаг байх нь гэж ойлгов.”Р” үсгийн дультраа дуудан ер нь хэт зөөлөн сунжирсан аялгуутай зарлаж байгааг сонсоод, герман биш үйлчлэгч хоригдол зарлаж байгаа ажээ. Манай өрөөнийхөн түрүүхэн намайг ирэхэд огт тоосонгүйтэй адил энэ зарлалыг огт сонсоогүй юм шиг хөдөлсөн ч үгүй.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 9:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Удалгүй асрагч эргээд ирэв. Энэ удаа ганцаараа. Тэрбээр нөгөө шуурхай хөдөлгөөнөөрөө саяын аваад явсан хүний ор луу очоод гудас, дэр, хөнжлийг дахин эвлүүлэн нугалж, орны цагаан даавуу, дэрс гээд бүгдийг нь аятайхан засч цэгцлэв. “Энд хоол өгдөггүй гэж эндхийн нууцыг надад алдсанаас болж, шийтгээд аваад явчихав уу даа” гэж би бодож үзлээ. Магадгүй энд сонсдог аппарат байдаг байх гэж бодоод би өрөөний булан бүрийг нарийн судалж эхлэв. Тэгтэл өрөөний цонхон талын цаад булангийн надаас тоолбол гуравдахь орон дээр нэг урт шар үстэй, туранхай залуу байгааг сая ажиглав. Хоёр гурван удаа нэг нэрийг сонин аялгуутайгаар үгийг урт болгон сунжруулж дуудна. “Пеетькаа”, “Петька” гэдэг нэр дуудаж байгааг сая тод сонсов. Тэгтэл асрагч залууг Петька гэж дууддагийг сая мэдлээ. Тэрбээр нөгөө шаналж байгаа залуу руу очиж, түүнийг өндийлгөж, нөгөө өтгөн хаядаг хавтгай савыг нь засч өгч, хөнжлийг нь аятайхан хучиж өгснөө маш дотно аялгаар ярьж, жаал тэвчиж үз гэж гуйн зоригжуулж байгаа нь түүний ойрын хүн гэдэг нь тодорхой байв. Энэ амьдрал гэж сонин юм. Хүн ингэж эндүүрэх гэж би өөрийнхөө өмнөх явдалдаа гайхаж хоцров. Асрагч “сайн хүн юм даа” гэсэн миний шинэ бодлыг тэр тусламж авсан залуугийн сая тайвширч, ая тухаа олж авснаа илтгэн, сулхан дуугаар “Жинкуюу... жинкуюу барзо” гэж польш хэлээрээ талархал илэрхийлж байгаа нь баталж өгөв. Үгүйдээ гэхэд би тэгж ойлгосон билээ.
Тэгтэл миний хэмжээнд амьдралын хатуу тоглоомонд бэлдэж “юу ч ирсэн хамаагүй” гэж шийдсэн байр суурийг маань гэнэтийн шуугиан, миний энэ насандаа хэзээ ч андуурахгүй хөнгөн цагаан савны чимээ гарч, хүмүүс цааш наашаа алхлан “Saal sechs! Essenholen” гэж сонсогдвол “зургадугаар палат хоолоо ав” гэсэн командыг би хэзээ ч андуурахгүй билээ. Асрагч маань хонгил руу нэг цухуйн, цаанаас нэгэн хүний тусламжтайгаар том гэгчийн савыг оруулж ирэнгүүт тэрүүхэн өрөө тэр дороо шөлний үнэрт живдэг байгаа даа. Яахав нөгөө л хатаасан хүнсний ногооны шөл л дөө. Германчуудын хэлдгээр “дёргемюзе”. Энэ удаад шинэ халгайн шөл ажээ. Харамсалтай нь тэр тусалсан хүнийг биб харж амжаагүй билээ. Буянтай гар нь цухалзаад алга болсон юм. Хоол авчирсан нь би бас дахиад л эндүүрээд орсон байжээ гэж өөрийгөө чамлахад хүргэв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 10:16 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Цаг хугацаа өнгрөөх тусам би ч орчиндоо баримжаатай болж эхлэн, цаг, өдөр, үдэш оройг ялган мэдэж, орчин тойрондоо болж байгаа үйл явдлуудаас ойлгож, сонирхдог болов. Аажмаар болж байгаа бүхэнд итгэж эхлэн, үнэхээр л тогтож авлаа, одоо амьд явах тавилантай боллоо гэ азаа алдчих вий гэсэн юм шиг яарвал даарна гэж эмээн, бага багаар итгэж эхлэв. Хаа байсан хорих лагерьт хүртэл хүн бас баярлах цаг ирдэг юм байна. Амьд явах нь надад үнэхээр илүү таалагдана. Унаж сүйрэх нь энүүхэнд бол сэхэж босч бабс болдог юм байна. Өрөөсөн хөлөөрөө энэ хорвоогоос хальж эхэлж байснаа “юуны ач, ямар азаар вэ?” гэж гайхан бодож энэ азаа бараг өөрөөсөө нуун, сэтгэлийнхээ хамгийн гүнд найдварын цогоо унтраахгүйг хичээж, надад тохиолдсон бүхэн, тэгээд тэр аймшигт аюулаас мацаж гарсныхаа учир начрыг тайлж тайлбарлаж чадахгүй л байлаа. Эргэлт буцалтгүй болохын босгон дээо мөн ч их үзлээ. Тэгтэл зам мөр минь эргэж, ийнхүү нар үзэх завшаанаа бүрэн эдлэх цаг ирдэг байжээ.
Сайн ажиглаж эхэлбэл эндхийн хүн бүр ямар нэгэн шархтайг анзаарч, энэ чинь мэс заслын тасаг юм байна гэж сая ойлгов. Нөгөө өмнө байсан газар маань тэгвэл дотрын тасаг байж л дээ гэж таав. Гэхдээ л үндсэндээ эндхийн ажлыг бүхэлд нь ой тойндоо бабгтааж чадахгүй байлаа. Тэр майхнаас тусгай үйлчилгээний хүмүүс намайг үүрэх ороор гаргаж, баахан хүүрийн хамт ачиж машин, вагоноор тээж, тэгээд мөрөн дээрээ хэд хэдэн удаа зөөж нүүлгэж энэ тасалгаанд авчирсан ажлыг маш уялдаа, журам дэгтэй гэдгийг л ойлгохоос цаадах зохион байгуулалт нь надад ахдаад байв. Нэг үеэс орчноо сайн гадарлах сонирхол төрж өвчтөнүүдийг судлах сэхээтэй болсон билээ. Харвал лагерьт их удсан хүмүүс байх шиг байв. Гэхдээ нөгөө ямбатнуудаас ганц ч хүн харагдсангүй. Гэхдээ манай Зайцынхтай зүйрлүүлэх ч юм үгүй байлаа. Юм бясалгах чадвар маань нэмэгдэхэд эндхийн өвчтөнүүдийг оройдоо түр нэг шалгаж эргэдэг хүмүүс бүгд улаан тэмдэгтэйг анзаарав. Ганц нэг ногоон буюу хар тэмдэгт ирнэ. Тэдгээрийг би үздэггүй билээ... Харин шар тэмдэгт огт хараагүйд би гайхаж, шар өнгө нэг л илүү дотно санагдана. Нэг үгээр хэлбэл хэл яриа, зүс царай, насаар ч гэсэн өөр төрлийн хүмүүс байлаа. Тэдний дунд би дэндүү ганцаардана. Урьд өмнө бол би хүмүүстэй маш хурдан сайн харилцаатай болж тэднийг сайн ойлгодог байсан юм. Энд харин огт өөр байгаа нь нэг л биш байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 10:45 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Петька бидний төлөө бүхнийг амжуулна. Бибд Петькагийн “добра ноц” гэдэг үгээр өдрөө дуусгаж, өглөө эрт харин түүний “добре рано” гэдэг өглөөний мэндчилгээгээр нь сэрнэ. Тэрбээр цэвэрлэнэ, нүүрс авчирна, галаа сэргээнэ, хоолоо тараана, хэрэгтэй нэгийг нь үүрээд л эмч нар руу зөөнө. Ер инь түүнд хийхгүй юм байхгүй. Бүгдийг амжуулна. Өрөөнөөс гараад, цаана нь бас юу ч хийж амжуулдагийг мэдэхийн аргагүй. Зүгээр л суухгүй нь лавтай. Үг цөөнтэй, маш шуурхай ажилилах зуур бас хааяа инээмсэглэхтэйгээ. Туслахад ямагт бэлэн. Уг нь бидэндээ л дарга, бидний дэргэд албан тушаалтай хүн билээ. Гэтэл ханцуйн дээр нь бабйгаа асрагчийн үүргээ яс биелүүлэхийг л хичээнэ.
Манай эмч нь тэр махан нүүртэй өвөө ажээ. Байх байхдаа бүр ерөнхий эмч нь гэнэ. Өглөө бүр эргэлтээ хийнэ. Петька яг өрөөгөө цэвэрлэж, бидэндээ кофе өгч, аягануудыг сайтар угааж, нэг илүүчилсэн хөнжлөөр хөшиг хийж хаасан буланд бидний аяга савыг далд хийнгүүт л хонгилоор эмч ирж яваа нь сонсогдоно. Тэгтэл хаалгыг бүтэн нээж орж ирэнгүүтээ эмч “гумоон” гэж үгийн төгсгөлийг залгиж, сөөнгө хоолойгоор мэндчилнэ. Тэр ухаандаа миний мэддэг “Guten Morgen” гэсэн өглөөний мэндийг айлтгаж байгаа нь тэр билээ. Бид эмчид олон юм тоочиж үл болно. Эмч ч биднээс юм асуухгүй. Петька маань малгайгаа авч, номхон зогсон, эмч рүү харан инээмсэглэнэ. Энэ ёслолын гэх үү ажиллагаа өглөө бүр яг цагтаа явагддаг тул хэсэг хугацааны дараа би өөр нэг юмыг ажигласан билээ. Петька эмчийг хүндэтгэн зогсохдоо нөгөө дүрэм ёсоор герман даргын өмнө зогсох ёстойгоос арай өөр байдлаар хүндэтгэж байгааг нь би олж харсан билээ. Ухаандаа Петька чин сэтгэлээсээ эмчийг хүндэтгэдэг ажээ гэж хэлэх үү дээ. Эмч жижиг ширээнд очиж, Петькагийн урьдчилаад эмхлээд бэлдсэн өвчтөний түүхүүдийг үзнэ. Жинхэнэ эмнэлэгт жинхэнэ өвчтөний түүхийг судалж байгаа мэт ажилсаг хандана. Тэгээд аливаа өвчтөний талаар хоёрхон зүйл дурьдана. “Кэвиш... Юу гэнэ вэ? Кевишйерд” гэж нэр дуудаад “Der kommt heute raus” гэж Петькад даалгавар өгнө. Тэр нь “аваачиж үзүүл” гэсэн утгатай учраас явж чадах нь хөлөөрөө, чадахгүйг нь Петька мөрөн дээрээ үүрээд боолтын өрөө рүү хүргэж өгнө. Энэ ажлыг үдээс өмнө дуусгадаг билээ. Уг нь тэр өрөө нь манай өрөөнөөс арван хэдэн метрийн зайнд байдагсан. Энэ эмч манай Зайцын эмч шиг надаас гар хүрэх зөвшөөрөл тоож авахгүй, хачин үзүүртэй хайч бариад л шууд шархан дээр минь хоёр шинэ зүсэлт хийж гарав. Харин миний дуугарч орилж байгааг огт тоосонгүй. Шархны дотрыг сайтар ухаж цэвэрлэн, нэг өмхийвтөр тосноос нялж гарсан билээ. Аргагүй өндөр мэргэжлийн дадлагатай эмч гэдгийг би дотроо бүрэн хүлээн зөвшөөрсөн билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 10:58 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Эмч бас “Der geht heute nach Hause!” гэдэг чиглэл өгнө. Тэр нь тухайн өвчтөн эдрэгсэн тул “гэртээ харьж болно” гэсэн дүгнэлт билээ. Гэртээ харина гэдэг нь мэдээж нөгөө хорих лагерь, нөгөө блок буюу нөгөө ажлын бабгтаа буцаад очино гэсэн үг билээ. Ингээд өдрийн энэ дэг маргааш нь мөн яг адил хэмээр явагдана. Петька хамаг ажлаа ян тан амжуулж, бид ч өвчтөний үүргээ яс биелүүлэн, эмч маань ажлаа дээд зэргээр хийж өвчтөнийг аль болох хурдан эмчилж гаргахын төлөө зүтгэж, тавилга эд хогшил хүртэл өөрийн үүргээ ухамсартай биелүүлж байгаа юм шиг санагдана. Энэ нарийн зохион байгуулалт нь өвчтөн бидний хурдан эдгэж, ажилдаа хурдан орох гэсэн хүсэлтийг маань хангах гэж ямар ч өөгүй үйлчилж бабйгаа нь гайхмаар. Ганцхан уялдахгүй юм нь юу гэвэл буцах хүсэл даанч байхгүй билээ.
Нэлээд сүүлд би ерөниий эмчийн тухай бас нэг шинэ юм олж сонссон билээ. Зарим үед өвчтөний тоо олширч, ажил давхардан, багагүй бужигнаан үүсдэг байлаа. Ийм үед Петька авчирсан өвчтөнөө хажуугийн нэг ширээн дээр орхино. Тэгээд тэнд ээлжээ хүлээх болно. Ээлж ирвэл эмч “komm, komm, komm” гэж сайхан ааштай дуудна. Гэхдээ л нэлээд хатуу гараар чихнээс нэг татах, аль эсвэл гарнаас зулгаах, нэг бол шууд өргөөд нөгөө ширээ рүүгээ шилжүүлж байгаа нь баярламаар биш ширүүн дээ. Зарим үед хүн олдож бүр замбараагаа алдахаа дөхнө. Тийм үед арай доогуур зиндааны туслах эмч ирж тусална. Тэгээд их эмч ажлаа барахгүй бол тэрбээр нөгөө хажуугийн туслах ширээн дээр мөн л тэр цэвэрлэх, эм тавих, боох ажлыг гүйцэтгэнэ. Би нэг тийм туслах эмчтэй танилцаж амжсан билээ. Тэр өвөө бол цав цагаан үстэй ёстой л шонхор гэгчийн хамартай их даруу хүн билээ. Тэр өвөө бас ч гэж мянгад багтсан дугаартай мөн л тэр улаан тэмдэг зүүнэ. Сүүл рүүгээ өвөө бид хоёр бүр найзууд болсон юм. Тэр өвөө нэг өдөр манай эмч рүү толгойгоороо похин “арван хоёр жил лагерьт байгаа хүн шүү дээ” гэсэн юм. Петька сүүлд “тэр үнэн шүү” гэж байсан билээ. “Та өөрөө энд хэр удаж байгаа юм бэ?” гэж асуувал “өө би ердөө л зургаахан жил болж байгаа” гэж хэлээд шалихгүй юм гэдгийг баталж байгаа маягаар гараа хаялж байсан сан.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Mar.29.10 11:20 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Өвөө маань бас намайгаа сонирхож “хаанаас ирсэн, яагаад ирсэн” гээд багагүй асууж шалгааж би хамаг учраа ярьж бид хоёр сайн танил болсон юм. “Чи тэгээд юу хийчихээд ийшээ ирсэн болох нь вэ хөө?” гэж өвөө намайг бага зэрэг хэрэг тарьсан байх гэсэн утгатай сонирхоход нь би юу ч хийигээгүй гэж яривал өвөө “тэгвэл чи яагаад энд байгаа юм?” гэж асууж, итгэхгүй ойлгохгүйн дунд тээнэгэлзэхэд нь энд байгаа жүүд хүмүүсийн нэгэн адил шалтгаанаар гэж учраа тодорхой хэлбэл “үгүй тэгээд очиж очиж чамайг баривчилдаг нь ч юу юм бэ?” гэж үнэхээр гайхашраад байсан тул би чадах ядахаараа тэр анх баригдсан өдрөө автобустай нь, гаалийн газартай нь, дараа нь чендөөрүүд, тоосгоны үйлдвэртэй нь бүгдийг ярьж өгсөн юм. “Тэгээд ээж аав чинь мэдээгүй болж таарах нь үү?” гэж настан бүр гайхвал “тиймээ” гэж би яриагаа төгсгөв. Өвөөгийн нүд нь томорч, ам нь ангайн, толгойгоо сэгсрээд бабйв. Ийм тохиолдол огт сонсоогүй бололтой. Өөрөөр хэлбэл энэ хорих газар хажууд нь ажиллаж байсан өөр нэг эмчид миний түүхийг ярьж өрөвдөн, толгойгоо сэгсэрцгээнэ. Би тэдэнд бүхнээ хэлчихмээр байлаа. Тэгснээ больсон юм. Уг нь сэтгэл их догдолж билээ. Би тэдний харцнаас нэг сонин нээлт хийсэн билээ. Би тэд нар руу харж байгаа байдал маань тэдэн их таалагдсан бололтой. Миний ядарсан байдал тэдэнд өөрийнх нь дотор байсан нэгэн бодлыг тэжээж баталгаажуулаад байна гэж би ойлгосон билээ. Намайг ингэж байцааж түүхийг маань нэг биш хүмүүс сонирхсон билээ. Тэгж бүх зүйлийг нарийн мэдэх гэж асуугаад байгаагийн цаана нь тэд миний тэр харц, миний байдлыг харж, дотор нь онгойж, намайг өрөвдөх нэрээр нэг юм дотроо санан, түүндээ баярлаж, энд ирсэн шалтгаанаа шударга бус, харгис гэмт хэрэгт өртсөн миний гэнэн жишээгээр дотроо өмөөрч, түр ч гэсэн энэ лагерийн бодит байдлаас тасарч мансуурахыг хүсээд байсан юм. Би олон удаагийн жишээн дээрээс ийм ойлголтод хүрсэн билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.02.10 11:12 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Бие сайжирч эхэлтэл миний сониуч зан сэргэж, би орой үдэш манайхаар шагайдаг хүмүүсийг анзаарч, судалж эхэлсэн билээ. Ямар гээчийн хүмүүс, юун хэргээр ирдгийг мэдэж авахыг хичээсэн юм. Эдгээр зочид маань оройн цагаар жигд асгарч ирдгийг анзаарч, энд бас Бухенвальд, Аушвиц, нөгөө манай Зайцын нэгэн адил оройн ажил тараах нэрсийн тулгалтын хооронд гардаг ахархан чөлөөт цагтай юм байна гэж мэдэж авсан юм. Ихэнх нь “Р” үсэг бүхий тэмдэг зүүнэ. Гэхдээ бас J, R, T, F, N буюу No үсгүүдтэй ч хүмүүс байлаа. Цаана нь өөр хичнээн ч үсэгтэн байгааг хэлэхэд хэцүү байлаа. Эдгээр хүмүүсээс үнэхээр зөндөө юм сурч авсан билээ. Эндхийн дотоод амьдралын жам ёс, нөхцлийн талаар багагүй юм мэдэж амжсан юм. Энэ Бухенвальдын үндсэн оршин суугчдыг бараг л гоё хүмүүс гэж хэлчихмээр өөр харагдах юм. Нүүр нь өнгө алдаагүй, тураалын шинжгүй. Их шуурхай ажиллах эрч хүч ч хангалттай. Зарим нь бүр халимаг ургуулах эрх эдэлнэ. Тэд хоригдлын хувцсыг гагцхүү ажил хийх үедээ өмсөнө. Чөлөөт цагаар энгийн хувцаслана. Петька бас тийм эрхтэйг би ажигладаг байлаа. Орой бидний хоолыг тарааж өгчихөөд л... хоол гэнэ нөгөө гуравны буюу дөрөвний нэг хэрчим талхаа алдаг оног “цулаге”-тай тараачихаад л бусад нөхдөөрөө хэсэх гэж хувцсаа сольж гарна. Энгийн өнгийн цамц, дээрээс нь ноосон цамц өмсөнө. Бас хэрэндээ биднээс зовж, нуугдан хувцсаа солино. Гэхдээ баярлаж байгаа нь нүүрэн дээр нь илт байдаг байлаа. Бүдэг судал бүхий гоё тансаг костюмдаа илүү дуртай, цаана нь бас хэдэн өөр төрөл байдаг. Тэр костюмны хүрэмний нуруун дээрх том нүхийг хоригдлын хувцасны өөдсөөр нөхсөн нь харагдана. Өмд нь хатаж гүйцсэн цусны мөртэй. Буудуулж нас барсан хүнээс тайлж авсан бололтой. За тэгээд энгэртээ болон өмднийхөө зүүн түрийнд нөгөө улаан тэмдэг, хувийн дугаараа оёсон нь дотоод дүрмээ мөрдөж байгаагийн шинж билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.02.10 11:23 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Петька зочин хүлээж авах болбол би их зовдогсон. Учир нь хананы гэрэл яг миний толгойны дээхэнтээ байдаг тул Петька юу хийж байгааг өөрийн эрхгүй харна. Уг нь өөрийгөө саатуулж тааз ширтэх, аль эсвэл өөр гоё бодолд автахыг их хичээдэгсэн. Тэгтэл нөгөө Петька өөрийн жижигхэн цахилгаан халаагчаа гаргаж ирэн, маргарин хайлуулж, сонгины өөдөс гарган шаржигнуулан шарж байгаа нь сонсогдож, шарсан сонгины сайхан үнэр хамар цоргино. Дээрээс нь ганц хоёр хэрчим төмс нэмбэл би чих хамар хоёроо зэрэг дарж бардаггүйсэн. Чих хамраа түр баривал нүд минь бүлтийж хоолыг нь иднэ. Хааяа нэг тогших шиг болно. Яасан юм бол гэж бодвол “еэ бурхан... шар цагаантай чинь нөгөө юу билээ... өндөг дүрээрээ харагдана”... Миний дотор харанхуйлахад “Добре вечер” гээд Петькагийн найз толгой дохин мэндлээд орж ирнэ. Тэр бол Польш хүн билээ. Петька түүнийг Збышек гэж дуудна. Заримдаа бүр дотночилж Збышку гэнэ. Тэр Збышек нь бас нэг өөр танхимд мөн адил асрагч хийдэг гэнэ лээ. Мөн л хэрэндээ ганган хувцасласан харагдана. Хөх өнгийн зузаан даавуугаар оёсон хүрэм нь мөн л нуруундаа цоорхойтой, тэгээд нөгөө л эрээн нөхөөстэй. Мэдээж энгэр түрий дээр нь улаан гурвалжин, хувийн дугаар бэхлээстэй харагдана. Богиновтор түрийтэй маш дэгжин савхин гуталтай. Тийм гутлыг биеийн тамирчид буюу анчид л өмдөгсөн. Зузаан гэгчийн хар өнгийн битүү хүзүүтэй ноосон цамц нь яг эрүүнд нь тулна. Сүрхий биерхүү. Сониноос шаардлагатай байсан юм уу аль эсвэл өөрөө сонгосон юм уу бүү мэд. Ямар ч гэсэн бидний адил халзан толгойтой билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.02.10 11:57 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Махлагдуу, гүйсэн нүдтэйгээ үндсэндээ нүдэнд дулаахан харагдана. Гэхдээ л манай Петькаг давах хүн ховор доо. Тэгээд тэр хоёр өрөөний адагт байгаа том ширээнд очиж, хоолоо идэн, баахан ярина. Үе үе польш өвчтөнүүдээс сулхан дуугарч, ярианд нь оролцож байгаа нь сонсогдоно. Заримдаа алжаалаа тайлж, түр ч гэсэн залуу насны ярианд автана. Гэнэт инээлдэн, ширээн дээр хоёр гараа зөрүүлэн хүчээ сорино. Тэгээд манай Пеьтька ялна. Манай палатынхан түүнд сүрхий баярладагсан. Ингэж тэр хоёр эндхийн амьдралын хамаг сайн муу мэдээ, хов жив, баяр гунигаа хуваалцана. Бас түүнээс гадна үе үе зарим хоолны илүүдлээ солилцоно. Збышекээс гадна бас өөр хэдэн польш найз н Петька дээр хааяа ирнэ. Тэд түргэхэн шиг өөр хоорондоо солио наймаа амжуулаад авах шиг харагдана. Тэр нь мэдээж идэж уучих юмнаас хаа холдох билээ. Зарим нь энд хэвтэж байгаа бусад польш нөхдөө эргэсэн болно. Түүнийгээ маш хурдхан нууцгай хийж байгаа нь хориотой бололтой. Зарим нь бушуухан шиг цаасны өөдсөнд ороосон жижигхэн юм үлдээнэ. Өчүүхэн юм илүүчилж чадсандаа зовж байгаа нь харагддагсан. Ярьж байгаа нь бараг сонсогдохгүй. Учир ньтэд шивэгнэх талаа барина. Сонсогдсон ч би ямар ойлгох биш. Гэхдээ л “за юу байна, хэр өөдөлж эдгэрч байна” гэхээс өөр юу л ярьж амжихав. Өөрсдөө бас гадны мэдээг шулганаад, хэлээд өгдөг шиг харагдана. Зарим иүед өөр нэр дурьдвал бусдынхаа мэндчилгээг дэвшүүлж байгаа бололтой. Амьдралын энүүхэн чухал мөчийг Петькагийн ачаар амжуулж байгаа нь гарцаагүй. Иймэрхүү уулзалт ямар чухал, ямар их хүч тэнхээ өгдөг нь гарч яваа хүмүүсийн гэрэлтэж буй нүүрнээс нь харагддаг билээ. Эндхийн харгис хатуу дүрмийг зөрчиж, хэвшмэл журманд нь цав гаргаж, хүний жаргалаа түр ч гэсэн эдлээд авсандаа сэтгэл өндөр гардагсан.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.04.10 2:48 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Манай тасалгааны нөгөө өнцөгт хэвтдэг өвчтөн дээр үнэнхүү хачин хүмүүс ирдэгсэн. Түүнийг Петька хар өглөө үүрч авчирсан билээ. Петька ер бусын их удаж түүнийг арчлаад байв. Маш хүнд өвчтэй орос хүн гэж тэр дороо цуу тарав. Орой бол түүн дээр манай палатын тэн хагасыг эзлэхээр тийм олон хүн ирнэ. Тэдний ихэнх нь “R” тэмдэгтэй байвал бас өөр үсэгтэй ч хүн харагдана. Тэд сонин үстэй малгай өмсөж, маш бааз зузаан гэгчийн хөвөнтэй өмдтэй. Заримынх нь толгой нь нэг талдаа бүрэн халимагтай нөгөө талыг жигд хуссан байх жишээтэй. Тэгвэл нөгөө нэг хэсгийн үсийг яг гавалынх нь тэг дундуур урдаас нь хүзүү хүртэл хуссан харагдана. Тэд нөгөө л нуруундаа цоорхойтой хувцастай. Ганц ялгаа нь гэвэл нуруунд нь нэг бол тод гэгчийн улаан будгаар зурсан том гэгчийн хэрээс, нэг бол голдоо цэгтэй том цагираг байна. Ухаандаа ийшээ чиглэж бууд гэсэн амьд бай болгосон байв.
Ирсэн хүмүүс нэлээд санаа зовсон байдалтай яахыгаа үл мэдэн зогсоно. Ганц нэг нь өвчтөний дэрийг засч өгнө. Хамгийн ойр байгаа хүмүүс өвчтөний хүслийг таах гэж хичээнэ. Гэнэт гараас гар руу нэг жижиг шар юм дамжив. Нэг хутганы ир гялалзав. Петька тэдний хүсэлтээр нэг бариултай аяга аваад өгөв. Тэгтэл тэр холоос миний хамарт нэг хачин хурц үнэр хүрэв. “Хөөш, юу билээ иэнэ чинь... пөөх жинхэнэ нимбэг байна!” гэсэн бодол зурсхийн орж ирэв. Тэгтэл эмч ороод ирсэн тул тэр оросууд зайгаа тавьж өгөв. Тэрбээр шулуухан өвчтөн рүү очиж, тонгойн харснаа үг ич дуугаралгүй гараад явчихав. Царайг нь харвал найдвар тасарсан бололтой. Удалгүй үе үе шивэгнэлдэж байсан оросууд дуугаа хураав. Тэгээд жаал зогсоцгоож байснаа уруу царайлан цуваад гарцгаав. Эцсийн найдвар нь ингэж талаар болсныг нүүр царай, хөдөлгөөн бүр нь илтгэнэ. Тэднийг явсны дараа удалгүй Петька цогцсыг нэг тийш аваачив.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.04.10 3:07 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Өөр нэг танилынхаа тухай хэдэн үг дурьдмаар боллоо. Би түүнтэй угаалгын өрөөнд анх тараалдсан юм. Би ч сүүлийн үеэс угаалгын өрөөнд очиж нүүр гараа угаадаг болсон билээ. Аажмаар хүний наад захын хэрэгцээ эргээд миний хэрэгцээ болж, “энэ өрөө нь яасан хүйтэн юм, халуун ус нь яасан юм бэ, нүүр гарын алчуур ч өгчихгүй яасан юм” гэх мэт юмны дутуу дулимгийг анзаарч, бухимдах бодол толгойд ордог болов. Угаалгын өрөөний нэг буланд зөөврийн улаан шүүгээ байдаг байв. Тэр нь бие засах зөөврийн жорлон ажээ. Орвол маш цэвэрхэн. Хэн нь энэ бүх үйлчилгээг ингэж ян тан хийдгийг би анзаарч амжаагүй байлаа. Нэгэн өдөр би тэнд дажлаа дуусаад яг босох гэтэл тэр хүн гэнэт хаалга татаж шагайсан билээ. Хав хар халимгаа тэг дундуур нь хувааж самнасан ч үс нь хоёр талаараа эргээд дух руу нь унана. Хар үстэй, бордуу арьстай, нүд нь жаал ногоон туяатай харагддагсан. Уг нь их цэвэрхэн зүстэй хүн байв. Цагаан халаадтай байвал эмч гэж бодмоор гэтэл ханцуйн дээр нь байгаа тууз асрагч байна гэдгийг ойлгуулна. Энгэр дээрх улаан гурвалжин тэмдгийн “Т” үсэг нь чех үндэстэн гэдгийг илтгэнэ. Тэрбээр намайг харангуутаа цочих шиг болсон билээ. Миний биеийг бүхэлд нь харж, нүд бүлтийж, ам нь ангайсан тул би өөрийгөө ажиглаж “яг л ясан хэдрэг, сүнс шиг харагдсан байх” гэж түүний хойшоо үсрэх шахам болсныг би өөртөө ийнхүү тайлбарлав. Надад нэг июм хэлэхэд нь би энэ польшуудаас сурсан ганц үгээ хэлэв. “Не розумъем” буюу “ойлгохгүй байна” гэсэн утгатай билээ. Тэрбээр герман хэл рүү шилжиж, хэн гээч нь вэ чи, хаанаас ирсэн бэ? гэж асуухад нь “Унгар” энэ хажуу талын 6-р танхимын өвчтөн гэж учраа хэлэв. Тэр асрагч долоовор хуруугаараа үгэндээ хүч нэмэрлэн, мэддэг герман үгээ хэрэглэж, “Ду вартэн хир. Ик вэк. Айн момент цюрюк. Фэрштэйн?” гэж намайг азнаж бай одоохон эргээд ирнэ гэвэл би “Фэрштэйн” гэж ойлгосноо толгойгоороо дохив. Нөгөө ах маш шуурхай буцаж, яарч ирэн дөрөвний нэг хэрчим талх, нэг онгойлгосон консервийг гарт минь бариулав. Хараад л “пөөх” гэж дотор минь нэг хашгирах шиг болж, миний нүд гар хүрээгүй махан консервийг харж итгэж ядаад байлаа. Би сая ухаан орж “баярлалаа” гэж хэлэх гэтэл тэр ахын араас хаагдаж буй хаалгыг л харав. Би тасалгаанд ирж Петькад саяын болсон гайхалтай явдлыг ярьж, тэр хүний дүрсийг тайлбарлавал Петька “тэр чинь Бауш” гэж нэрийг нь хэлэв. Петька ах Бохуш гэдэг чех овгийг хэллээ гэдгийг би өөрөө сүүлд нь бодсон билээ. Би зөв тааж гэдгийг сүүлд манайхаар ирж байдаг өвчтөнүүдийн нэгээс нь сонссон билээ. Нэг өдөр Петька миний дээд давхарт байсан нэг өвчтөнийг гаргаж, шинэ өвчтөн авчирав. Тэр нь миний насны бас нэг польш хүүхэд байв. Петька, Збышек нар түүнийг Кухалски буюу кухарскиийн хооронд хачин аялгуутай дуудна. Ямар ч гэсэн сүүлчийн “харски” гэдэг хэсэг нь тод сонсогдоно. Тэр хоёр энэ бандийг өхөөрдөж их явуулж цаашлуулдаг бололтой. Тэр хүүхэд сүрхий уурлаж тачигнан хариу үгээ хэлнэ, нэг бол орондоо бухимдаж, эргэлдэн, над руу дэрний тоосыг унагаана.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.10.10 10:56 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Манай палатын польш хэлтэй болгон энэ гурвын мөнхийн дайныг сонсож, мөн ихи зугаацаж, инээлдэцгээнэ. Нэг өдөр миний урьдаас харж хэвтэж байсан унгар өвчтөний оронд бас нэг шинэ өвчтөнг авчирсан нь мөн л миний насны банди байв. Тэрбээр Петькатай чөлөөтэй ойлголцоно. Миний унгар үгийг огт ойшоохгүй байв. Тэгтэл сайн ажиглаад байвал аялгуу нь арай өөр, уянгалаг байгааг би мэдрэв. Нэг их турж амжаагүй цоохор нүүр, гал улаан усийг нь харж, би “энэ ямар гээчийн үндэстэн юм бол” игэж их гайхаж, шинэ залууг ажиглаж байв. Тэгтэл бугуйных нь дотор талд цэнхрээр шивсэн тоо харж, “энэ чинь Аушвицаас ирж дээ” гэж нэг бодов. Үдийн өмнөхөн өрөөний хаалга гэнэт нээгдэж Бохуш ах орж ирэн, надад бүр уламжлал болсон хэрчим талх махан консервоо хөнжил дээр минь орхиод, Петькатай ч дөнгөж толгой дохин мэндлэх төдий болоод маш хурдан гарч одов. “Саяын хүн чинь юун хүн байсан бэ?” гэж улаан үст надаас асуувал “энэ аварга чинь унгараар над шиг л ярьдаг амьтан байна шүү дээ” гэж би хэлэв. “Петька ах Бауш гэж л дууддаг шүү дээ” гэж яривал “Бохуш байлгүй дээ” гэж тэр банди намайг засч, Чехословакт энэ нэр их тархсан байдаг гэж тайлбарлав. Би тэгээд шинэ хөршөөсөө унгар хэл мэдэхгүй болж яах гэсэн юм гэж сонирхвол унгарчуудад дургүй гэж шулуухан хэлэв. Би ч гэсэн нэг их шүтмээр болдоггүй гэж санаа нийлэв. Тэгтэл нөгөө хүүхэд жүүд хэлээр яръя гэвэл би тэр хэлийг даанч гадарлахгүй тул бид хоёр өөрийн эрхгүй унгар хэлээр хэл нэвтрэх болов. Нэрээ “Луиз” нэг бол “Лооийз” гэл үү нэг хачин аялгуутай хэлэхэд нь “өө манайхаар Лайош байна шүү дээ” гэвэл тэрбээр маш дургүйцэнэ. Тэгээд цаашид “Лоиз” гэж дуудуулахаар тогтов. Би тэгээд Лоиз яаж ингэж ийм олон хэл мэддэг байна вэ гэж сонирхвол уг нь Фэлвидек нутгийн гаралтай гэнэ. Унгарчууд тэдний нутгийг эзэлж хөөсөн гэнэ. Тэгээд тэд хамаг төрөл садантайгаа дүрвэж амь гарсан ажээ. Тэгтэл би намайг бага балчир байхад манайхан нэг өдөр “Фэлвидек эргээд унгар нутаг болсны баяр” гэж өдөржин хөгжим зугаалга иболж байсныг гэнэт эргэн санасан билээ. Лоиз уг нь Терезин хэмээх газраас энэ хорих лагерьт ирсэн гэнэ. “Чи Тэрэзиэншдадт гэж мэдэх байх” гэвэл би алиныг нь ч сонсоогүй юм байна гэвэл тэрбээр хачин гайхсан билээ. Би мань хашир шиг манай Чепелийн гаалийн хүн дуулаагүй гэвэл их гайхдагсан. “За яахав дээ Прага хотын нэн ядуучуудын хорооллыг тэгж нэрлэдэг юм” гэж сүүлд нь надад тэр нэрийн учрыг хэлж өгсөн юм. Лоиз унгарчууд болон чехүүдээс гадна жүүд хүмүүс, германчууд, польш, словакууд, украйн үндэстнийхэнтэй ярьж чадна. Тэр ч байтугай шаардлага гарвал оросуудтай ч хэл нэвтэрнэ гэнэ. Эцэст нь бид хоёр сайхан танилцаж нөхөрлөсөн билээ. Би түүний сонирхсон болгонд нь хариулж, Бохуш ахтай хэрхэн танилцсанаа ч ярьж өгсөн билээ. Би бас анх энэ өрөөнд ирж хоол огт өгдөггүй газар гэж ойлгож гайхаж байсныгаа түүнд яривал Лоиз Петька ахад хэлж, Петька намайг зөндөө шоолсон билээ. Намайг тэр унгар өвчтөнд итгэсэнд хөхөрч байв. Тэр өвчтөн уг нь хоногоо хүлээж байсан гэнэ. Тэгээд тохиолдлоор яг миний ирсний маргааш нь өөд болсон гэнэ. Лоиз энэ мэтээр Петькад олон юм ярьж өгсөн билээ. Харин түүний “энэ унгар” гэж намайг дурьдахдаа “тэн мажар” гээд өөрийнхөөрөө хэлээд байсан нь жаахан ядаргаатай байв. Петька тэгж намайг нэрлээд байсныг нь хүмүүс нэг их анзаарахгүй байгаад нь би дотроо баярлаж байв.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.10.10 11:49 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Лоиз гадуур гарахдаа нэлээд удаан хугацаагаар алга болдог байв. Тэгээд нэг өдөр яг миний авдаг хэрчим талх, нөгөө махан консервыг аваад ирэхэд нь би сүрхий гайхсан билээ. Би тэглээ гээд хардаад байх нь ч юу билээ гэж дотроо бүгдийг “болох юм болдгоороо л болж байна” гэж хүлээн зөвшөөрөөд байв. Уг нь Лоиз учраа нэг өдөр хэлсэн л дээ. Бохуш ах тэр хоёр угаалгын өрөөнд тааралдаж танилцаад, нэг нутгийнх гэдгээ мэдэж л дээ. Бохуш гуай маш их баярласан бололтой. Нэг нутгийнх учраас нэг нэгэндээ туслах нь даанч мэдээж билээ. Надад энд хэлэх юм алга байлаа. Уг нь сайтар бодвол өөр арга байхгүй. Нутаг бол нутаг. Энд өрсөлдөх арга алга. Лоиз ч нэг хальт унагаасан үгээрээ миний санааг нотолсон билээ. “Чиний хүнийг би булаачих шиг болов уу даа” гэж эвгүй байдалд орсныгоо өөрөө хэлсэн билээ. Өөрөөр хэлбэл миний идэж байсан юмыг үүнээс хойш түүнээс цааш Лоиз идэх болж, тэгээд зажилж байгааг нь л хүртэл харах болсон билээ. Тэгээд энэ санааг тусгаж бясалгаж амжаагүй байтал хаалга онгойж Бохуш гуай нөгөө яаруу сандруу орж ирэн, шууд над руу ойртож, надад нөгөө талх махан зуушаа өгвөл би гайхсандаа хөдөлж чадахгүй байж билээ. Түүнээс хойш Бохуш ах бид хоёрт идэх зүйлээ авчирдаг болсон юм. Заримдаа нэг нэгэнд нь ээлжилж, заримдаа хувааж ид гээд боломжийнхоо хэрээр бидэнд тусалдагсан. Бохуш ах тасралтгүй ирнэ. Ааш зан нь цаг иүеэс хамааран янз янз байна. Бидэнтэй нэг их нялуурахгүй, заримдаа ууртай ч юм шиг орж иирвэл бид хоёрын яс хавтайна. Тэгтэл Бохуш ах энэ үүргээ хамгийн гол ажил болгож байгаа юм шиг санагдана. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүнийг тэжээж үүргээ их дуртай гүйцэтгэж, цаанаа нэгэн чухал хэрэгцээгээ ийнхүү хангаж, сэтгэл нь онгойдог байсан бололтой. Ингэж бидэнд тусалснаар цаанаа өөрийгөө нэг хямралаас авраад байна уу даа гэж би тааж суухаас цаашгүй, учрыг сайн ойлгохгүй байдагсан. Авчирдаг хүнс үнэнхүү тансаг үнэ цэнээр яривал би баримжаалах ч аргагүй байв. Мөн ч их бодож бясалгаж байж, бүхнийг наанатай цаанатай нь эргэцүүлж хүний нэг мөн чанарыг тайлсан билээ. Тэр нь хүн гэдэг амьтны хамаг зовлонг туулахдаа хүн гэдэгтээ итгэх, хүний мөсөө алдаагүй байгаагаа өөртөө итгүүлэх зөрүүд зан ажээ. Түүнийгээ бусдад тусалж баярлуулах, буян үйлдэх замаар өөртөө итгэл алдахгүйг улайрдаг юм байна. Би өөрөө энэ уцаар гөжүү зангаар өөрийгөө авардаг нь хамгийн баталгаат, шалгарсан арга мэх гэдгийг сайтар мэдэх болсон юм

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.11.10 12:02 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Хүн их юм туулбал гайхах зүйл хомс болдгийг би өөрийн жишээн дээр мэдсэн билээ. Хүүрэн дунд хэвтэж хаягдал болохын ирмэг дээр байсан миний хувьд эмч үзүүл гэвэл хөлөөрөө үзлэгийн өрөө рүү өөрөө очиж чаддаг болсон өдөр мэндэлсэн билээ. Хөнжлөө нөмрөөд хөл нүцгэн тэр өрөө рүү анх удаагаа найган босч явангаа олон таньдаг үнэр дундаас бас нэг шинэ үнэр мэдэрсэн минь хаврын чийг, шинэ өвсний гайхамшигт үнэрт согтон, шинэ амьдралын утга шим хамаг биенд минь шингэсэн билээ. Ингэж би хорвоо орчиндоо эргэж ирсэн билээ. Буцах замдаа хаалга нээлттэй байгааг ашиглаж, гадагш хашаа руу сонирхон шагайвал хоёр хоригдол резинэн дугуйтай нэгэн дүүрэн ачсан чиргүүлийг татаж явав. Хучлага дороос шарласан гар хөл эв хавгүй цухуйж харагдсанд би сүрхий сандран, дахиад нэг хөрсөн бие олж харчихвий гэж айн, бушуухан шиг дулаан өрөө рүүгээ яарав. Өрөөндөө хөлөө арчсан болоод, хөнжил рүүгээ сум шиг шургаж орхив. Ингээд л хоног минь харьцангуй тайван өнгөрч, би хөрш бандитай элдэв юм ярьж чалчин, өдөр өнгөрөөдөг байв. Дараа нь тэр нөхөр маань “nach Hause” гэдэг команд сонсож, лагерь руугаа “гэртээ” харьсан билээ. Оронд нь нэг дунд насны польш ах ирсэн юм. Өдөртөө чимээ анир сонсож, түүнийг ангилан, цагаан хоолойгоор зарлаж буй мэдээг бясалган, орчин тойронд минь амьдрал хэрхэн өрнөж байгааг хөнжил дотроосоо гайгүй сайн гадарладаг болсон билээ. Бүх мэдээгээ цуглуулж авбал ойр хавийн үнэр танар, чимээ шуугиан, элдэв үйл явдал, ажиллагааг эвлүүлэн бясалгавал лагерийн амьдрал үүр цайхаас оройн нэрсийн дуудлага хүртэл нүдэнд харагдана. Нөгөө аймшигт “Friseure zum Bad, Friseure zum Bad” буюу “үсээ хусуул, усанд ор” гэдэг команд өдөр тасрахгүй сонсогдоно. Сүүлийн үед шинэ ачаа ирлээ гэдэг зарлал улам олширч эхэлсэн билээ. Ачаа буюу шинэ хоригдол олшрохын хэрээр “Liechenkommando zum Tor” гэдэг команд сонсогдох нь мөн олшров. Энэ нь “хүүр тээгч нар гаднах хаалга руу хүрээд ир” гэсэн утгатай бөгөөд заримдаа хүн хүч нэмэхийг шаардсан зарлал сонсогдоно. Энэ бүгдээс ээлжит “ачаа” гэгч нь ямархуу чанартай ирснийг илтгэж, яс хавтайна.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.11.10 12:25 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
“Effekten” гэж агуулахын үйлчлэгч нарыг агуулах руу дуудна. “Im Laufschrist” гэж команд сонсогдвол “гүйж” буюу түргэн ирж, ажлыг амжуул гэж яаруулж буй нь тэр. “Leichamtrager” буюу хүүр тээгч нараас ганц хоёроор нь дуудвал жишээ нь “zwei Tragbetten sofort zum Tor” гэсэн команд сонсогдвол ажлын газар юм уу, байцаалтын өрөөнд, аль эсвэл аливаа өөр нэг газар нэг бол аваар осол, нэг бол шийтгэл даахгүй ганц нэг азгүй нь өөд болсны дохио билээ. “Kartoffelschaler” гэдэг алба нь төмс цэвэрлэх хоригдлууд билээ. Тэдэнд “Nachtschicht” гэсэн команд өгч байгааг сонсож, энэ ажлыг шөнийн ээлжээр хүртэл 24 цагийн турш явагддаг юм байна гэж би гайхаж билээ. Харин сүүлийн үед үдээс хойш бүр яг тодорхой нэг цагт “Ela zwo Ela zwo, aufmarschierennnn lassen” гэдэг команд сонсогддог болсон билээ. Тэгснээ хэсэг чимээгүй байсны дараа “Mtzenn ab! Mutzen Auf!” гэсэн дараагийн команд сонсогдвол цугларсан хоригдлуудыг журмын жагсаалд сургаж байгаа бололтой. Чухам юун ажил явагддаг болсныг гадарлаж чадахгүй байлаа. Яахав “zwo” буюу “zwei” гэдэг нь хоёр, харин “ela” гэдэг нь “Lageratester” буюу лагерийн даргын нэрийг “Л.Д” гэж товчилдог хоёр үсгээр нь дуудаж байгаа нь тэр байжээ. Энэ бүгдээс Бухенвальдын хорих газар нь хоёр том лагериас бүрддэгийг ойлгосон юм. Арга ч үгүй байх гэж бодож байв. Энд ерэн мянгыг давсан хувийн дугаартай хүмүүс байдгийг би олж харсан билээ. Ийм сүрхий ажил явагдаж дуусвал цаг нь ирэхэд, жишээ нь Збышек ирэх өдөр нь таарсан бол оройдоо гэрийн зүг явж бид ч гэсэн Петькагийнхаа “добре ноц”-г сонсож, тэрбээр гэрэл унтрааж, бид сая тайван байх боломж гарна. Хөнжилдөө эвээ олж, унтах тйишээ хандвал хоёр шарх маань шаналгаатай хэвээр, эдгэрэх нь мөдгүй иболотойг мэдэрнэ. Гэхдээ л ийм хорих газрын нөхцөлд ингэж хөнжилд орж, дулаахан хэвтэхээс илүү юу хэрэгтэй билээ гэж өөрийгөө тайвшруулна.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.11.10 3:23 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Сүүлийн үед хоёр зүйлд санаа зовох болсон билээ. Нэгд шарх маань голоороо улаан мах хэвээр. Захаараа сая нэг нимгэн хөрс суух төлөвтэй. Эмч шархыг урьд өмнөх шигээ марлиар боохоо болив. Эмчилгээ нь нэг их үр дүнд хүрэхгүй байна гэж залхсан байдалтай. Тэгснээ нөгөө ширүүн аргаараа дахиад бүхнийг нэг сайтар ухаж цэвэрлээд орхино. Тэгээд л аз мэдэг гэсэн байдалтай хэд хоног ажиглана. Нөгөө талаар Петька Збышек хоёр тайван ярьж сууснаа гэнэт чимээ аван, хуруугаа дээш нь гозойлгож, бид нарыг ч гэсэн чимээгүй бол гэж дохино. Би бас хэрэндээ чимээ сонсох гэж хичээхэд алс хол нэг июм дүнгэнэж, заримдаа нохой хуцаж байгаа юм шиг “пэд пэд” гэж сонсогдоно. Бохуш ахын байрладаг өрөөний зүгээс ч гэсэн сүүлийн үед шөнөдөө чимээ анир тасрахгүй байв. Гэрэл унтраасны дараа чимээ бүр илүү сайн тарна. Шөнөдөө агаарын довтолгооны дохио хангинаад унах нь ердийн хэрэг болсон билээ. Заримдаа шөнө дунд цагаан хоолой хангинаад унавал “Krematorium, ausmachen! Krematorium! Sofort ausmachen!” гэсэн түргэн авах команд сонсогдож, хүүр шатаах газрын яндангаар гарч буй галын бөмбөгдөгч онгоц илрүүлчих вий гэж эмээснийх билээ. Хүмүүсийн явган яриа, хов живийг сонсвол сүүлийн үед шинээр ирсэн хоригдлууд нөгөө үсчинд очиж, халуун усанд орох гэж бүр гурав хоногоор хөл нүцгэн жагсаж, цувж ордог болсон гэнэ. Энэ үсчингүүд ер нь унтах цаг гардаг болов уу гэж би гайхдагсан. Нөгөө хүүр зөөгч багийнханд ч ажил тасрахгүй байгаа гэнэ. Манай палатанд ч сул ор байхаа больсон билээ. Урьд өмнө нь ердийн яр, элдэв шарх байсан бол саявтар хэвтсэн нэг унгар залуу бууны суманд өртсөн байв. “Ордруф” ч гэл үү нэг манай Зайцын лагерь шиг жижгэвтэр хорих газраас жагсаалаар шилжиж яваад шархдсан гэнэ. Уг нь америкийн цэргүүдтэй тааралдахгүй гэж тойруу замаар гэтэж ирсэн гэнэ. Тэгээд цуваанаас хэт гадагш гарсан нэгэн этгээдийг унагаах гэсэн дайсны сум тэр залууг мөн шүргэжээ. Азаар сум ясыг нь гэмтээгээгүй хар махаар нь нэвт гарчээ. “За надад ч тийм явдал гарахгүй дээ” гэж би бодож байв. Намайг оновол яс онохоос өөр мах үгүй байсан билээ. Тэр аз дутсан унгар залуу энэ намар хрих газар ирсэн гэнэ. Хувийн дугаар нь ная гаруй мянга байсан билээ. Энэ хожуу дугаар нь манай тасалгаанд нэлээд доогуур зиндаанд тооцогдох нь гарцаагүй.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.30.10 11:13 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Ойрдоо нэг л юм болох нь гэдэг ойлголт хүмүүсийн явган ярианаас улам л тодорхой болно. Бүх юм хөдөлгөөнд орж, сандран бужигнаж юу л болдог бол доо гэж санаа зовох болов. Петька ч гэсэн өвчтөнүүдийг тойрч нэгэн хуудас дээр хэн нь өөрөө явж чадах вэ, хэн нь гүйж чадах вэ гэдгийг бүртгэж эхлэв. Надаас асуухад би бушуухан шиг “не, не” гэж хариулснаа бүр лавшруулах гэж германаар “ich kann nicht” гэв. “Так так...” гэж, Петька өөрийн хэлээр эхэлснээ “du kannst” гэж германаар намайг чадна, миний орноос гэж бүртгээд авав. Петька Кухарскиг хүртэл гүйж чадна гэж бүртгэж авсан билээ. Түүний хоёр хөл нь нэл хаван бас тэгээд ам шиг ангайсан хэд хэдэн шархтай надаас дор амьтан байсныг яагаад тэгсэн бол гэж гайхаж хоцров.
Нэг орой талхаа зажилж суутал “Alle Juden im Lager sofort antregen!” гэсэн цагаан хоолойгоор сонсогдов. Тэр зарлал аймшигтай хоолойгоор, маш зэрлэг сонсогдсон тул би цочин, орондоо өндийгөөд суучихсан билээ. Петка намайг суга үсэрснийг гайхан харж, “Цо робиш?” чи яав аа гэж асуувал цагаан хоолой руу хуруугаараа заав. Петька юм тоох шинжгүй инээмсэглэн “хэвтэж үз” гэж дохив. Харин цагаан хоолой оройжингоо орилов. “Lagerschutz” гэж лагерийн харуулын ангийнхныг дуудаж, даалгавар өгөн, юм зохицуулна. Тэгтэл тэдний хүч хүрэхгүй бололтой зарлагч дарга “Lageraltester!” гэж орилон, лагерийн дарга нарыг дуудна. “Хөөе лагерэльтестер, чи наадуулаа жагсаагаач! Хөөе лагерэльтестер, нөгөө новшийн жүүдүүд яасан бэ? Хөөе лагерэльтестер...” гэж хашгичихад Петька сая тэвчээр алдан “Курва его мать! Гэж сүрхий чанга хараав. Тэр орой бүтэмж муутай болсон бололтой, маргааш нь цагаан хоолой дахиад л “Хөөе лагерэльтестер одоо бүх лагерийг жагсаа!” гэж орилоод унасан билээ. Тэгтэл буу дуугарч, нохой хуцан, хүмүүс гүйлдэж, араас нь тахтай савхин гутлын жигд гүйх доргио сонсогдож, бороохойд цохиулж, ёолж бархирвал асуудал хурцдаж байгааг илтгэнэ. Тэгтэл таг чимээгүй болсон нь цэргүүд эрх биш бүгдийг журамлаж чадсан бололтой.
Тэгтэл гэнэт ерөнхий эмч орж ирээд юу ч болоогүй юм шиг үзлэгээ хийв. Харин энэ удаа тайван намбатай биш нэлээд ядарсан царайтай, халаас нь үрчийсэн, халаасан дээр нь зэвэн толбо энд тэнд харагдана.
“Нөгөө жаахан шархтай залуу хаана байна?” гэж гараараа шарх байгаа газар болох өвдөг ташаа хоёрыг заана. Эмч шархтай хүнийг хайж, олны дунд намайг олж харав. Намайг таниагүй гэж байхгүй. Эмч Петька руу харж, “тэр хүнийг олоод өг” гэж яаруулав. Би юу ч бодоогүй юм тохиолдов. Петька тийм шархтай хүнийг огт санахгүй байна гэнэ. Эмч чухам хэнийг хэлээд байгаа юм бол доо гэж сүрхий гайхна. Тэрүүхэн зуур тархи нь гялалзуур ажилласан бололтой “Аа тийм... энэ хэн шүү дээ” гээд нөгөө буунд буудуулсан унгар залуу руу улайм цайм заав. Тэгтэл эмч “мөн байна” гэж тэр дор санал нийлж нүүр нь гэнэт өнгө орж сэргэн “Der geht sofort nach Hause!” гэж тэр залууг лагерь руу нь буцаа гэж үүрэг өгөв. Тэгтэл нөгөө унгар орноосоо босч ирэн, баруун гараа урдаа барьж, эмч рүү харан залбирч байгаа юм шиг юм хэлэх гэвэл эмч хойшоогоо эрс алхаж “ярих зүйлгүй” гэсэн байдалтай харвал нөгөө залуу хоёр өвдгөн дээрээ сөгдөөд, эмчийн хоёр хөлийг тэврээд авав. Би түүнийг харж ичсэндээ газар дор орохоо дөхөж, уруу харав. Тэгтэл эмч тэр залууг тасхийтэл алгадаж, өвчтөнийг хөлөөрөө цааш инь түлхэж, нэлээд бухимдсан байдалтай юм үглээд, хурдан гарч одов. Суларсан оронд тэр дороо өөр хүнийг авчрав. Хоёр хөлөө боолгосон бас л миний насны банди байлаа. Боолтыг нь харвал хоёр хөлний хуруунууд нь үгүй болжээ. Петька ажлаа амжуулаад, нэг удаа ойртоод ирэхэд нь би “динкуе Петька” гэж үгэнд дурлахад Петька гайхсан байдалтай “Was?...” гэж “яачихав” гэж ширүүвтэр асуухад нь би “Aber fruher, vorher…” гэж германаар “яагаав түрүүн” гэж тайлбарлах гэтэл Петька огт учрыг нь олохгүй байна гэнэ. Гайхаж толгойгоо сэгсрэхдээ би ёстой муухай зарчимгүй юм хийлээ гэдгээ ойлгосон билээ. Зарим нөхцөлд өөрсдөө шийдвэр гаргах цаг ирдэг юм байна гэдгийг би сая ухаарав. Нэг бодоход уг нь ингэж шийдсэн нь зөв шүү дээ. Тэг унгар ах надаас илүү бяр хүчтэй, хашир ухаан суусан, туршлагатай. Мэдээж эндээс гараад надаас л илүү өөрийгөө аргална гэж би өөрийгөө өмөөрөх шиг болж цаадахь утгаараа би л биш байвал өөр хүнд зовлон тохиолдохыг “одоо яая гэх вэ дээ” гэх хүн юм байна даа биб гэж өөрийгөө таньсан билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: Apr.30.10 11:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Би өөрийн тарыг таньж сэтгэл зовниж амжсангүй билээ. Учир нь тэр явдлаас хойш хоёр хоноогүй байтал гаднаас нэг тэнүүлч сум цонхоор орж ирж хананд зоогдсон билээ. Мөн тэр өдөр нэг л сэжигтэй хүмүүс Петька руу ороод л Петька ч бас нэг тийшээ олонтаа гүйгээд, гараад ирдэг болж заримдаа нэлээд удна. Тэгээд орой шөнөдөө даавуунд ороосон нэг урт зүйлийг бариад ирнэ. Эхлээд зүгээр орны цагаан даавуу шиг харагдсан ч сүүлд сайн ажигласан чинь иштэй юм байлаа. Цагаан туг авчирчээ гэж би дүгнэсэн билээ. Тэгтэл бас биш байв. Нэг л сонин хурц үзүүртэй. Тэгтэл Петька орон доороо нуухаас өмнө палатынханд хальт харуулж, маш бардам инээмсэглэхэд бүгд “пөөх” гэж сэмхэн ч гэсэн дуу алдав. Модон иштэй хөхөөр туяарч гялалзсан ган хушуутай зүйлээ энгэртээ хөндлөн барихыг нь харвал тайрсан карабин буу байв. Би багадаа элдэв дээрэмчид, гэмт хэргийн талаар уран зохиол уншиж байхдаа ийм зэвсгийг “их гарын тайрц” гэж нэрлэдэг нь гэнэт санаанд ороод ирсэн билээ.
Маргааш нь бас нэлээн бужигнасан өдөр болсон шиг санах юм. Мэдээж яг өдөр бүрээр бүгдийг санах биш. Хэдийгээр гал тогоо ажилладгаараа ажиллаж, эмч ч гэсэн цагтаа үзлэгээ хийгээд байсан боловч нэг л юм хөдөлгөөнд орсон билээ. Өглөөний кофе тараасны дараа хонгилоор яаруу сандруу алхах сонсогдож, нэг товч дохионы үг сонсогдоход Петька орон доороосоо нөгөө боодолтой юмаа авч сугавчлаад, алга болох нь тэр. Тэр өглөө есөн цагийн алдтай нөгөө хангинуур маань сэхэж, харин энэ удаа хоригдлуудыг биш “Zu allen der SS Angehorigen! Das Lager sofort zu verlassen!” гэсэн товч команд сонсогдож, “СС” ангийг бие бүрэлдэхүүнээрээ лагерийг нэн даруй орхихыг даалгав. Энэ тушаалыг хоёр ч удаа зарлав. Тэгтэл бууны дуу олширч, чангаран яах аргагүй тулалдаан гэдэг нь тодорхой болж, ойртсоор ойртсоор сүүлдээ хамаг сум миний чихийг тойроод өнгөрөх шиг болж, тэгснээ холдсоор, нэг мэдэхэд таг чимээгүй болов. Дэндүү чимээгүй болсон билээ. Лагерь ингэж хэзээ ч таг чиг болж байгаагүй билээ. Би хоёр чихээ байдгаар нь дэлдийлгэн жаахан ч гэсэн чимээ анир барих гэж хэдэн цаг ч суув даа бүү мэд. Ходоод дуугарахад нь “за одоо тогоо шанага тачигнаад гарна” гэж бодон, бас нэг хэсэг тэвчээр алдав. Таг. Хаа байсан үдэш дөрвөн цагийн алдад цагаан хоолой амь орж лагерэльтестер дарга маань өөрөө юм зарлах гэнэ. Тэгтэл амьсгаа нь давчдаад байгаа юм уу үгээ таслан, амьсгаа авч, чичирсэн сонин дуугаар “Kameraden… Kameradenn wir sind frei!” гэж гэнэт байдгаараа хашгирч “нөхөд өө, бид эрх чөлөөтэй хүмүүс боллоо!” гэвэл би энэ лагерийн дарга бас ч гэж цаанаа, дотроо Петька, Бохуш ах, манай эмчтэй үзэл санаа нэг байж дээ гэж би бодов. Сэтгэл нь догдолж, баяр хөөрөө жолоодон барьж чадахгүй байгааг нь бодоход үнэхээр чин сэтгэлээсээ эндүүрч андуурмааргүйгээр манай хэдтэй санаа сэтгэл нэг явж дээ гэж би өөрийнхөө юм гадарладаггүйг гайхаж байв. Удалгүй цагаан хоолойгоор ярьж байсан лагерийн дарга исая нэг биеэ барин, товчхон мэдээллийн чанартай хэдэн үг хэлж, дараа нь энэ шинэ баяртай мэдээг элдэв олон хэлээр зарлаж эхэлсэн билээ. “Атэнсьон! Атэнсьон! Позор! Позор! Внимание товарищи! Внимание русские!” Тэгтэл анх лагерьт ирэхэд сонин хэлээр угтсан хүмүүсийн яриа сонсогдож “Увага! Увага! Чиха бэнж! Тэраз польски коммуники!” гэж тэдний зарлах ээлж ирэв. Тэгтэл “Фиделем! Фиделем! Лагерийн унгар товчооноос ярьж байна” гэвэл зүрх минь зогсчихоо дөхсөн билээ. “Хараач бас ийм сүрхий зохион байгуулалттай байж дээ” гэж би гайхах бишрэхийн хооронд зарлалыг сонсож байв. Тэгтэл “эрх чөлөө, эрх чөлөө” гэж баахан ярьж, хоол хэдийд авчрахыг зарлаагүй билээ. Уг нь баярлалгүй яахав. Эрх чөлөөтэй болно гэж өчигдөрхөн гэхэд л багтахгүй байсан билээ. Гэхдээ л дотор харлаад байсан нь бас ч оргүй биш байв. Нэг мэдэхэд Петька буцаад ирсэн байв. Халууцаж улайчихсан, хөл нь газар хүрэхгүй, үг нь олширсон харагдана. Тэгтэл лагерийн дарга дахин цагаан хоолойгоор ярьж төмс цэвэрлэх багийнханд гал тогоондоо очиж ажилдаа ор, лагерийн оршин суугчдыг харин тэвчээртэй хүлээхийг уриалж, одоо гал тогоонд бидэнд зориулж жинхэнэ гуляш, шөл хийнэ гэж зарлахад би сая санаа амарч хэвтэв. Жаал тайвширч, дээшээ харахад сая бүх болж байгаа юмны утга жинхэнэ мөн чанараараа ухаанд чинь бууж өчүүхэн би хүртэл эрх чөлөөний гайхамшгийг биширсэн билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.01.10 12:26 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
9

Зуны дэлгэр цагт гэрээсээ гарах боблсон бол мөн л сайхан зуны тэг дунд гэрийн бараа харах болсон билээ. Эргэн тойрон навчиндаа дарагдсан ойн хэсгүүд харагдана. Хүүрийг багцаар нь булж, дарсан газар шороон овоо нь хүртэл шинэ ургасан ногоон дунд бүдэгхэн мэдрэгдэнэ. Шинэ цаг ирснээс хойш хоосорч хаягдсан хорих лагерийн гал зуухнуудын тоосго сүйрлийг төлөөлж, зам талбай нь цаас хог, хувцас даавууны өөдөс, зэвэрсэн хоосон лаазанд дарагдсан чимээгүй хотхон болсон байна. Лагерийн зам нь хүртэл халуун наранд хайлж харласан, шинэ цагийн ачааллыг даахгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
“За тэгээд нутгийн зүг замд гарах уу?” гэж нэг нь унгараар асуувал сая би Бухенвальдаас салж явах мөчөө мэдэрсэн юм. Дахиж эргэж харахгүйгээр шинэ ирээдүйн замд гарсан маань тэр. Нэг ачааны машинд сууж явах бид хэдийн ихэнх маань залуучууд байв. Нэг намхандуу нуруутай, нэлээд шөрмөстэй, буржийсан буурал толгойтой ах надаас асуужээ. Тэрбээр “намайг Миклош ах гээрэй” гэж нүдний шилээ засангаа надад хэлж, бид лагерийн унгар товчооны нэгэн удирдах гишүүн ахмадын удирдлага дор зохион байгуулалттай харих юм гэж бидэнд нийтэд маань зарлав. “Одоо бид цаашаа амьдрах хэрэгтэй шүү дээ” гэж яриагаа дуусгахад, нэгэнт заяа минь тийм боломж өгсөн бол одоо өөр ч онц хийж чадах юм алга даа гэж бодогдов. Зарим талаар өөр болж, зарим зүйлийг хийж чадахгүй болсныг эс тооцвол уул шугамандаа, ноён нуруундаа бие махбодь минь бүтэн байна гэж хэлж болохоор байлаа. Жишээ нь бие рүүгээ хуруугаар хатгаж жаал байлгавал миний биеийг бяслагаар юм уу, аль эсвэл лааны тосоор бүтээсэн юм шиг хурууны ор гарсан газар гүнзгий хонхор үлдэж мөд арилахгүй байгаа нь амьд хүний мах шүүс шим минь хариагүй л байгааг илтгэнэ. “СС”-ийн эмнэлэг хоосроход нэг тансаг өрөө рүү нь шагайж, толинд нь өөрийгөө харсан чинь цонхоор урьдаас нэг өвөө гөлийгөөд байх шиг болсон билээ. Бараг л тэр дүрийн араар өөрийгөө хайхаа дөхсөн юм. Хоёр хуруу хэртэй ургаж амжсан үстэй гавал маань дэлдийсэн хоёр том чихийг араас нь залгаж, доошоогоо хөшиг шиг унжсан арьс нь ухаандаа миний нүүр байв. Энэ цагаас түрүүлж хөгширсөн дүр, тэр агшиж атирсан нүдэнд би санаанд минь хэвээрээ байгаа хүний нүдэнд дулаахан, итгэл төрүүлсэн царай зүснийхээ үлдэгдлийг хайгаад байсан билээ. За тэгээд жаал доголдог болсныг эс тооцвол таяггүй яваад байж болох мэт. Нөгөө шархалж байсан хөл минь сав л хийвэл ард хоцроод байв. “Зүгээр хө, харьж байгаад бүгдийг шинээр босгоно доо гайгүй” гэж Миклош ах бодол дундуур минь ороод ирэв. “Нутгийн агаар шиг сайхан эм хаана байх вэ?” гэж намайг зоригжуулж, урам өгөх гэж шулуухан хоёр дууны үгийг зааж эхлэв. Бид харих замдаа унаагаар түр тасран, жижиг суурин газраар явган өнгөрвөл гурав эгнэж, Миклош ахын заасан дууг цэрэг шиг чанга аялж эхэлдэг байлаа. Надад “Мадридын хязгаарт, манаанд бид гарлаа” гэдэг дуу маш их таалагдаж байлаа. Яагаад гэдгийг ч хэлж чадах биш. Зүгээр л сэтгэлд буугаад байв. Өөр нэг дуу бас их таалагддаг байлаа. Ялангуяа энүүхэн хэсэг нь:
Өдөр шөнөгүй нуруу тэнийхгүй ажиллана
Өлбөрч үхэхийн даваан дээр ташуурыг амсуулна
Хүнд хөдөлмөрт эцсэн гар минь
Хурдан буугаа бариач!
Бас нэг хөөрхөн дуу санаанаас гардаггүй билээ. “Пролетарын залуу халаа бид” гэж ая барьж эхлэнгүүтээ, дараа нь зүгээр шүлэглэн, “Ротфронт! Ротфронт!” гэж сүржин хашгирна. Ингэж алхалбал зарим хүмүүс бушуухан шиг хаалга цонхоо хааж байгаа нь харагдана, нэг бол оготно шиг далд орох замаа хичээнэ. Тэд бүгд германчууд билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.01.10 12:59 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Гэрийн зүг явж, ойртох тусам сэтгэл өндөр, бие хөнгөрнө. Миний ачаа гэж юу ч байх билээ. Хачин нарийн бөгөөд өндөр, гэхдээ үнэхээр сайн бөх, хөх даавуугаар хийсэн америк цэргийн үүргэвч олоод авсан билээ. Дотор нь хоёр зузаавтар хөнжил, хоёр ээлжийн дотуур хувцас, “СС”-ийн агуулахад орхиод хаясан хүзүү бугуйндаа ногоон эмжээртэй ноосон цамц, бас тэгээд хэдэн лаазтай зууш гэх мэт наад захын юмаа чихсэн байв. Би өөрөө америк цэргийн ногоон өмд, нэг бөх гэмээр үдээстэй гутал, дээрээс нь ёстой өөлөхийн аргагүй дээд чанарын арьсаар хийсэн шилбэний хамгаалалтыг тэр элдэв гоё гинж хавчаартай нь бас зүүчихсэн. Толгой дээрээ дээр үед гимнази төгсөгчдийн өмсдөг хар ёслолын малгайтай төстэй, дөрвөлжин оройтой, польш цэргийн даргын малгай олоод тавьчихсан байв. Энэ халуун зуны цагт тохирохгүй ч гэсэн надад таалагдаад байв. Хүрэмний хувьд арай дөнгүүр илүүхэн юм агуулахаас сонгон авч болох л байсан байх. Гэхдээ би тэр муу судалтай ялтангийн хүрмээ хамт их юм үзэж давсан гээд ч юм уу, үлдээмээр санагдсан юм. Яахав тэр гурвалжин тэмдэг, хувийн дугаараа ховхлоод авсан. Нөгөөтэйгүүр энэ халуун зун аятайхан сэрүүхэн хувцас болж байв. Нутаг хүртэл үзээгүй унааны төрөл байхгүй билээ. Үхэр тэргээр ч явж үзэв. Явган ч нилээд алхалсан даа. Нийтийн унаагаар ч дөхөж байв. Бидний цувааг зохион байгуулж байсан армийн ангийнхан хөөрхий боломжоороо унаагаар хангаж ирсэн билээ. Шөнөө өнгөрөөхөд чб юм юм үзсэн билээ. Нөгөө л үхэр тэрэг, аль эсвэл эзгүй болсон сургуулийн байрны вандан дээр, хээр таарвал гадаа эрүүл агаарт хононо. Суурин газар таарвал гудамжны зүлгэн дээр ч тараад хэвтэнэ. Тэр ч байтугай усан онгоцоор ч дөхөж байв. Манай Дунай мөрөн шиг нэг томоохон голоор уруудвал түүнийг Эльба мөрөн гэдэг гэж сонсож байлаа. Ихэнх хот суурин газар нь нэр төдий л юм үлдсэн ньь харагдана. Тэндхийн байшин ханын үлдэгдэл, завсар зайгаар нь буюу зүгээр л ил ёроолд нь хүмүүс орогнох нүхээ яаж ийж олж хоног өнгөрөөж байв. Бүтэн гүүр тааралдана гэж байхгүй. Нутгийн зүг ойртох тусам сэтгэл маш их хөөрнө. Инээж дуулмаар санагдвал эргэн тойрон байгаа ядарч өлбөрсөн хүмүүсийг харж сэтгэлийн хөөрлийг дарахаас өөр аргагүй байлаа. Нэг хотод улаан трамвайд ч сууж үзлээ. Нэг хэсэг галт тэргээр ч явав. Ёстой гоё ачааных биш хүнд зориулсан зорчигчийн вагон, дотроо хүн сууж явах тасалгаатай вагон байлаа. Харин бид дээвэр дээр нь сууж таарсан юм. Нэг хотод ирвэл чех хэлнээс гадна хүмүүс унгараар ярьж байгаа нь сонсогдов. Орой шөнө цаашаагаа галт тэргээр явна гэж бид буудал дээр хүлээтэл хөгшин залуугүй хүмүүс биднийг тойрч, биднийг хорих лагериас ирэв үү? Тийм ийм нэртэй хүний сураг дуулсан уу? гэж төрөл садангаа хайж билээ. Надаас ч бас сураглаж байв. Би тэдэнд “төвлөрүүлэх лагерьт хүн нэргүй байдаг” гэж учрыг хэлж өгч билээ. Хүмүүс санаагаар унан, биднийг орхивол нэг зуны маягаар хувцасласан сайн эр хоёр эрхий хуруугаараа ташаагаа тулж, бусад хуруу нь биеийг нь бөмбөрдөж юм асууя гэнэ. “Юу?” гэвэл “та нар тэгээд тэр хийгээр алдаг газрыг харсан уу?” гэдэг байгаа даа. Инээд ч хүрэх шиг. Би хариуд нь “үзсэн гэхдээ би ороогүй, орсон бол тантай энд яриад зогсож байхгүй байхсан” гэв. “Тэгээд үнэхээр байсан юм уу?” гэж тэрбээр дахин асууж лавлавал “байхаар барах уу, өөр олон юм байсан, аль лагерьт байхаас юм хамаарна. Жишээ нь Аушвицад бараг л бүгд тийшээ нэгэн цагт зүглэнэ. Би харин Бухенвальдаас ирлээ.” Нөгөө хүн “Бухенвальдаас гэнэ ээ”, “Тийм ээ”. “За байз, та тэгэхээр тэр ихийгээр алдаг газрын тухай сонссон болохоос биш, яг өөрөө нүдээрээ хараагүй байх нь ээ дээ, аан?” гэж нөгөө хүн нэг л юм ойлгохыг хүссэн бололтой, сурагчаас шалгалт авч байгаа багш шиг шалгаав. “Үзээгүй”. “Тэр хараач” игээд намайг шалгаасан хүн өөртөө эрээд байсан хариугаа олсон бололтой толгойгоороо дохин, өөртэйгөө дотроо ярьсаар одов. Үгүй дээ гэхэд надад тэгж санагдсан билээ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.01.10 1:24 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Тэгтэл галт тэрэг ирлээ гэж зарлаж, хүмүүс яаран сандран гүйлдэж сууцгаав. Би энэ удаа вагоны модон шатан дээр боломжийн байр эзлээд авсан билээ. Өглөө сэрвэл манайхан бүгд хурхирч байв. Эргэн тойрноо хараад, сайхан нутгаар өнгөрч байна даа гэж бодож сууснаа нэг сайн анзаарвал унгар нэртэй газруудаар явж байв. Алсхан наран усанд гялалзаж, Дунай мөрөн гэж нэг хүн хэлж байгааг сонсов. Би хүмүүсийн яриаг сонсож, нүдээрээ харсан бүхнээ бодож суутал, нэг хэсэг түчигнээд явчихсан нь, бид Будапештийн “Нюгати” галт тэрэгний буудлын асар руу ороод ирэв. Үнэндээ хүмүүс тэглээ гэж хэлэхийг би сонсож ухаарав. Тэгтэл сайн хараад байвал бүдгэрсэн гэрэл зураг тодрох шиг болж би өөрөө ч гэсэн “Нюгати”-г таньсан билээ.
Буудлаас гарч, хот руу орвол нар чанх дээрээс шарна. Хөл хөдөлгөөн гэж нөхцөлгүй. Шар өнгийн алдарт 6-р трамвай төмөр замаараа гүйсээр л. Энд тэнд хүмүүс нарийн боов, сонин зарж бужигнана. Хүмүүс ямар ч гоё хувцасласан юм бэ? Тэд үнэхээр л их завгүй тал тал тийшээ яарцгаана. Бид харин эндээс шууд тусламжийн төв рүү очно гэнэ. Тэнд юмны халуун дээр хурдан бүртгүүлж авч, халаасны бэлэн мөнгө, үнэмлэхтэй болж авах хэрэгтэй гэнэ. Тийм наад захын юмгүй бол амьдрахын аргагүй гэнэ. Тэр газар “Келети” галт тэрэгний буудлын дэргэд гэж сонссон бид шууд их тойргийн трамвайнд сууж явцгаав. Замдаа эргэн тойрноо ажвал ихэнх байшин унасан шүдтэй эгнээ шиг харагдана. Зарим нэг нь ханагүй бол, нэлээд газар цонхны оронд хар нүх харагдана. Нэлэнхүйдээ хот маань их ядруу, царай алдсан байв. Гэхдээ л чиг зүгээ олоход боломжийн танил хэвээрээ байлаа. “Келети”-н өмнөх талбай дээр ирээд, бид бүгдээрээ буулаа. Нөгөө газар нь яг эсрэг талд байв. Миний санаанд хэвээр үлдсэнээр бол жижгэвтэр кино театрын эсрэг италд. Нэлээд том, өнгө зүсээ алдсан бараан барилга байлаа. Урд нь, дотуур хашаанд хүмүүс пиг дүүрэн. Тэд бодвоос ээлжээ хүлээн, энд тэнд зогсон, өөр хоорондоо ярьж хөөрнө, зарим нэг нь хөөцөлдсөн бололтой бас яарна. Зарим нь ч үг дуугарахгүй зогсоно. Бодвоос бие нь энд байгаа бололтой. Ерөнхиийдөө нэлээд шуугиантай байна. Хүмүүсийн хувцас ёстой л эрээвэр хураавар байв. Хэн юу олж чадсанаараа л хувцасласан бололтой. Агуулахын хувцас, цэргүүдээс тайлж авсан ч юм харагдана. Зарим нь над шиг судалтай хүрэмтэйгээ, дээрээс нь нэг юм нөмөрсөн харагдана. Бодвоос боломжтой нэг нь иргэний амьдрал оуу орж амжин, цагаан цамц, зангиатай нуруугаа үүрчихсэн ажил төрлийн өнгөтэй яриа дэлгэнэ. Тэдний байдлаас ажиглавал түүхэнд нь Аушвиц байгаагүй юм шиг сэргэж чаджээ. Нэг хэсэг хүн лагерьт байсан зовлонгоо тоочиж дуусаагүй байтал, зарим нь “танайд манайд” гэж байсан нөхцлөө зүйрлүүлж сууна. Тэгвэл өөр нэг хэсэг хүн энэ тусламж нь тэгээд хэр олигтой, дорвитой бол гэж тааж таамаглана. Тэдний хохирлыг хэр нөхөж чадах бол, зарим ул үндэсгүй илүү юманд хүрэх вий, тэгээд ер нь энэ хүнд суртал гээд л санаа зовох, түгших сэдэв мундахгүй байгаа нь сонсогдоно. Харин нэг юмыг л бүгд нэгэн жигд хүлээн зөвшөөрч байв. Тэр нь энэ тусламжнаас хүртэх асуудал нэлээд сунжирсан, адал явдал болох нь гэдэгт хэн ч эргэлзэхгүй байв. Би томхүмүүсийн энэ бүх бужигнаанд уйдаж үүргэвчээ аваад бүр гудамж руу гарав. Нөгөө кино театр хуучин хэвэндээ, байрандаа байгааг сая харав. Яг эндээс цаашаагаа хоёр буюу гурван хөндлөн гудамж өнгөрвөл нөгөө Нимбэг ахын дурьдаад байсан Нефелейч гудамж байгаа гэж гэнэт санав.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.01.10 1:41 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Нимбэг ахын байшинг амархан олсон билээ. Бусад шар буюу бараан өнгийн олон барилгын адил ердийн байшин байлаа. Орцных нь хаалган дээрхи оршин суугчдын нэрсийн жагсаалтаас харвал байшингийн тоо, орон сууцны дугаар яг тохирч байв. Гурван давхарт амьдардаг ажээ. Нэлээд чийг ханхалсан хуучин чулуун шатаар дээшээ мацаж гарав. Шатны цонхоор хашаа руу нь шагайж харвал аятайхан тохижуулсан нь харагдана. Хашааны тэг дунд зүлэгтэй. Бас нэг тоосонд дарагдсан навчтай мод нар өөд сунана. Урьдаас нэлээд хурдан хөдөлгөөнтэй нэг хатагтай бууж байгаа нь тааралдав. Хажуу байрнаас хөгжим дуугарч байгаа нь сонсогдоно. Хаалгыг тогшиж жаал хүлээтэл хаалга онгойлоо. Тэгтэл яг урдаас Нимбэг Банди нөгөө жижиг онигордуу нүдээ бүлтийлгэн дүрээрээ зогсож байв. Харин энэ удаад нас нь арай залуу, үс нь арай хар, шалихгүй арай намхан нуруутай эмэгтэй байлаа. Намайг хараад бовоос ерөнхий төрх маань нүд хальтирмаар байсан болов уу тэр эмэгтэй арагшаа цочиин үсрэх шахахад нь би хаалганд хавчуулчихаас өмнө нь “Нимбэг Банди байгаа юу?” гэж асууж амжив. “Байхгүй” гэнэ. Тэгээд саяхан гарсан юм уу, аль эсвэл ойрдоо алга уу гэж сонирхвол тэрбээр жаал эвгүйрхэн доошоо харж “Ер нь байхгүй байгаа” гэв. Тэр охин хаалгаа хааснаа эргээд онгойлговол нүдэнд нь нулимс харагдана. Би ч эвгүй болж бушуухан явахаас гэж эргэх гэтэл байрны дотуур өрөөнөөс толгойгоо алчуураар боосон, бараан өнгийн хувцастай нэгэн настайвтар авгай ойртоод ирэв. Би настанг угтаж, учраа хэлэхийг яаран, “Би уг нь Нимбэг Бандийг иасуусан юм, эгч ээ” гэвэл “Байхгүй дээ, хүү минь” гэж тэр авгай хариулснаа “Гэхдээ дараа нэг хэд хоногоос манайхаар ороорой” гэв. Тэгтэл тэр охин нүд рүү минь харж, толгойгоо хажуулуулж, алганыхаа нуруун дээр тавин, надад дохио өгөх шиг болов. “Бид хоёр лагерьт хамт байсан юм. Нөгөө Зайцын хорих газар... тэгээд би өөр тийш хуваарилагдаад, бид хоёр салсан юм л даа...” гэж би учраа сайн ойлгуулахыг хичээхэд, настан над руу сайтар харж, “Тэнд тэгээд өөр унгарчууд байгаа юу, үлдсэн үү?” гэж лавлав. Би “Байлгүй яахав. Зөндөө. Одоо цувсаар ирж яваа даа” гэвэл авгай охин руугаа харж, “тэр би чамд хэлээгүй бил үү. Одоо дөнгөж буцаж эхэлж байна шүү дээ. Манай охин тэвчээргүй, бүр итгэл нь тасраад байгаа юм” гэснээ “ээж нь Нимбэгийг надаас л илүү мэдэж таарна. Бас тэгээд илүү ухаантай” гэж бодоод юм дуугарсангүй. Настан намайг дотогшоогоо ор гэвэл би бас яарч байна. “Гэртээ харьж амжаагүй байна” гэвэл авгай “Ээж аав чинь лав хүлээж байгаа даа” гэнэ. “Тэгэлгүй яахав” гээд би явах болж “За тэгвэл гүй дээ хүү минь, баярлаг итэд, эвий хөөрхий” гэж хэлэхийг би сонсов.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.05.10 2:33 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Би эргээд галт тэрэгний буудал руу дөхөж очтол, хөл маань мөн саяхан шатаар явсныг хэлэх үү, нэлээд өвдөж эхлэв. Тэгтэл яг трамвайн буудал таарч, олон трамвайн дунд миний хэрэгтэй дугаартай нь хүрээд ирсэн тул би тэссэнгүй суугаад авав. Трамвайн шатны талбай руу гарангуут дээр үеийн цагаан утсаар нэхсэн сонин захтай нэг яхир настан авгай намайг харж, сүрхий цочиж зайлна. Удалгүй нэг дүрэмт хувцастай, цэрэг малгайтай хүн ойртож ирэн, надаас тийз нэхэв. Тийз байхгүй гэж хариулбал тэрбээр худалдаж ав гэнэ. Би холоос ирсэн учраас надад мөнгө байхгүй гэвэл кондуктор намайг дээрээс минь доошоогоо бүхэлд нь нэг ширтэж аваад, нөгөө настай авгай руу бас ширтсэнээ зорчигч тээвэр өөрийн дүрэм журамтай тул хэрэв тийзгүй бол буу гэж шаардав. Миний хөл өвдөөд, явган явж чадахгүйгээ учирлавал настай авгай гэнэт гудамж сонирхож гадагшаа шагайдаг хүн болов. Би тэр авгайд дургүй хүрсэн билээ. Бараг л араас нь нулимчихаа дөхсөн юм. Гэтэл нэг хүн гүйж орж ирээд нэлээд аахилах зуураа бидний ярианы төгсгөлийг сонсов. Цагаан зангиагүй дэлгэсэн захтай мөрөндөө нэг хар хайрцаг зүүчихсэн баахан баримт бичигтэй сэхээтэн байрын хүн байв. Тэрбээр “Алив би аваад өгье” гэж сүрхий бухимдаж надад тийз авч өгөв. Би баярласнаа хэлэх гэвэл тэр намайг зогсоож, зориуд хүн бүр сонсохоор “Яасан ичих нүүрээ гээсэн хүмүүс вэ, та нар чинь!” гэж чанга хэлэв. Тэгснээ над руу харж “Миний хүү Германаас ирсэн үү?”. “Тэглээ”. “Нөгөө бөөгнөрүүлэн хорих лагерь уу?”. “Мэдээж”. “Хаанаас вэ?”. “Бухенвальдаас”. “Нацистуудын жинхэнэ тамын тогоо нь гэж би сонссон. Чамайг тэгээд хаанаас аваад явсан юм?”. “Эндээс Будапештээс”. “Чи тэнд тэгээд хэр удав?”. “Жил болсон”. “Иш хүү минь их зовлон үзэж, их юм туулсан байна даа чи. За яахав. Нэгэнт өнгөрсөн хэрэг” гэснээ надад урам өгөх гэж инээмсэглэн “Чи одоо эх орон, төрсөн хотдоо ирээд ямаршуу байна даа?”. “Үзэн ядаж байна” гэж хариулбал тэр хүн нэг хэсэг бодолд орсноо “Уг нь ч чамайг сайн ойлгож байна, аргагүй” гэлээ. “Уг нь үзэн ядах явдал бол цагтаа ор үндэстэй, тэр ч байтугай хэрэгтэй зүйл. Энэ талаар чамтай санал нийлж байна. Чи тэгээд чухам ямар хүнийг үзэн ядаж байна вэ?”. “Бүгдийг”. Тэр ах энэ удаа нилээд удаан чимээгүй юм бодно. “Чи ч үнэхээр аймшигтай юм туулж дээ... бодвоос өлсөж даарах нь энүүхэнд бас зодуулсан байж мэднэ” гэж бараг бодлоо чанга хэлэх мэт байдалтай дуугарахад нь “Мэдээж шүү дээ” гэж би дундаас нь хариулбал тэрбээр “Байх ёсгүй юмыг чи яагаад мэдээж гээд байгаа юм бэ, дүү хүү?”. “Хорих лагерьт бол мэдээж шүү дээ”. “За тэр ч тийм л дээ... гэхдээ ийм төвлөрүүлэн хорих лагерь өөрөө мэдээжийн байх ёстой зүйл биш шүү дээ” гэж хэлснээ тэр хүн хэлэх гээд байсан үгээ сая олсондоо дотор нь жаал онгойв. Харин миний хувьд дахиж энэ тухай хөндлөнгийн хүмүүстэй, нэг бол энэ дайн дажин, түүнийг тойрсон бүхний талаар ямар ч ойлголтгүй хүмүүстэй ярих шиг хэрэггүй юм байхгүй гэж сайтар ойлгосон билээ. Эд нар чинь нялх хүүхэд шиг гэнэн сэтгэдэг учир эдэнтэй мэдэхгүй юмных нь тухай ярих нь нэмэргүй бөгөөд бухимдахын л гарз ажээ. Тэгээд “За ах аа би энд буух хэрэгтэй байна” гэж салахын түүс болов. Тэгтэл тэр хүн намайг дагаж буун, сүүдэрт байгаа нэг нуруу нь эвдэрсэн вандан дээр сууж амран, ганц нэг минут хөөрөөд авъя гэнэ.

_________________
:3q:


Top
   
 
PostPosted: May.05.10 3:06 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Сууж авснаа тэр хүн хаанаас, аль захаас нь яриагаа эхлэхээ үл мэдэн жаал эргэлзэв. Тэгснээ “Одоо л харин чухам тэр аймшигт бүхэн булсан ч булчингаараа гарах нь ээ. Энэ муухай бүхэн хаанаас яаж урган гарсныг энэ дэлхий огт мэдэхгүй байна”. Би юм дуугарах хүсэлгүй ч сонссон болов. Тэгвэл тэр ах над руу эргэн бүр тулж харан, “Миний хүү тэнд үзэж туулсан юмнаасаа жаал ярьж өгөхгүй юм уу?” гэхэд би жаал гайхаж, нөгөөтэйгүүр залхаж эхлэн “Би ч танд нэг их сүрхий сонирхолтой юм юу ярьж чадах билээ дээ”. “Үгүй ээ, надад биш, бүх дэлхийд ярьж өг”. Би бүр гайхаш тасран “Тэгээд би юугаа ярих болж байна вэ?” гэж асуувал “Яахав нөгөө лагерийн тамын тухай ярихгүй юу?”. Би үнэндээ залхаж “Тэр талаар гэвэл би огт юу ч хэлж өгч чадахгүй юм, би тэр там гэдэг чинь юу байдгийг ч мэдэхгүй юм” гэж хариулав. Нөгөө ах жаал гайхан сандарснаа “Тэгээд чинийхээр бол тэр төвлөрүүлэх лагерийг ёстой жинхэнэ там гэж үзэхгүй гэж үү?” гэж шалгаагаад эхлэв. Би ч яриагаа өндөрлүүлэх гэж, уйдсандаа хөлөөрөө шороонд цагираг зурж сууснаа, “Хүн бүр өөрийнхөөрөө гэх үү, үзэмжээрээ гэх үү ойлгоно биз ээ. Миний хувьд гэвэл тэр төвлөрүүлэх лагерийг л сайн мэднэ, харин тэр тамын талаар надад ямар ч ойлголт байхгүй”. “Гэхдээ юу ч гэх юм дээ, бас ч гэж зүгээр энгийн газар биш биз дээ?”. Би нэгийг шийдэж бас дахиад хэдэн цагираг хөлөөрөө зурж авснаа, “Тэгвэл угтаа уйдах зав гарахгүй газар гэж та бод л доо. Гэхдээ л тэр төвлөрүүлэх газарт уйдаж бас болоод байсан. Аушвицэд ч мөн ялгаагүй. Тэр бол цаг тохироо нь бүрдвэл тэгнэ гэсэн үг.” Нөгөө ахын толгой нь бүр эргэж, “Юу гэнээ? Яана гэнээ? Чи ахдаа нэг аятайхан хэлээд өгөөч” гэж гуйв. “Бүх юм хугацаанаас хамаарна. Тэр ах бүрэн будилж эхэлсэндээ жаал дуугүй сууж,бясалгах гэснээ барахгүй тул “Яана гэнэ ээ? Хугацаанаас гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи байз...”. “Цаг орон зай бүхнийг даван туулахад тусалдаг учиртай”. “Яаж? Юугаараа тусалдаг гэж? Аан?”. “Бүх талаар” гэж оршил болгоод , би тэр ахад хамаг учир начрыг тайлбарлаж өгөхийг оролдов. Жишээ нь нэг даруувтар төсөр замын буудал дээр хүрээд ирлээ гэж бодъё. Тэгтэл тодорхой цаг өнгөрч байж, үйл явдлууд өөрийн эрэмбэ дараагаар цуван тохиолдож тэгж байж сая тэнд хүрэлцэн ирсний нэг утгыг тайлна. Үүнийг ойлгож мэдэнгүүт түүндээ хэрхэн хандахаа сэдэж амжаагүй байтал дараагийн үе шат руу шилжинэ. Түүнийг тайлж, сая тэр давааг даюлаа гэж амьсгаа авангуут бүхний учир начрыг тайлна. Тэгтэл дараагийн ажилдаа шууд орно. Тэнд зүгээр холхих зав чөлөө гарахгүй, ажлаа яс гүйцэтгэнэ. Өгсөн даалгаврыг биелүүлэнгүүт дараачийн ажил руу шилжиж орно. Энэ бүх мэдээ, энэ бүх ачаалал нэгэн зэрэг нэгэн газар дээр бид нар дээр буувал түүнийг даах толгой ч гарахгүй, зүрх ч барахгүй, бүгд сүйрнэ”. Нөгөө ах намайг сонсож сууснаа янжуураа гарган, намайг дайлна. Би татгалзахад, тэр ах бодолдоо автан, дайлснаа ч санахгүй хоёр тохойгоороо өвдгөө түшин тамхиа баагиулаад унав. Над руу ч харахгүй үг болгоныг маань сорон авч, дотроо боловсруулж, “ойлгож байна, ойлгож байна” гэж үе үе бараг л өөртөө хэлнэ. Би цааш нь ярьж өгч, “хамгийн утгагүй нь тэр хугацааг биеэрээ даван туулах хэрэгтэй болдог. Тэнд жишээ нь дөрвөн жил байсан хүнтэй тааралдаж байлаа. Тэр ч байтугай зургаан жил, бүр хаа байсан арван хоёр жил хорих лагерьт насаа өнгөрөөсөн хүн байдаг. Тэгээд та бод л доо тэр арван хоёр жилийг жилийн гурван зуун жаран таван хоногтоо үржүүлээд нийт хоногоо гаргаад, түүнийгээ хоногийн хорин дөрвөн цагтаа үржүүлээд, нийт цагийн тоог гаргаад, түүнийгээ цагийн жаран минут буюу мөч бүрээр урагш нь бодвол амьдарч туулах буюу арагш нь бодвол бүгдийг эргэн санах хэрэгтэй. Энэ бүх хугацаанд үзсэн туулсан, зовсон давсныг нэгэн зэрэг хүн дээр үер болгон буулгавал ямар ч ухаанаар, ямар ч биеэр дийлж барахгүй” гэж яриагаа өндөрлүүлэхүй, тэр ах таг дуугүй суугаад байсан тул “Иймэрхүү л байна даа” гэж би өөрөө дүгнэв. Тэр ах тамхиа аль хэдийнээ хаячихсан, гэхдээ хоёр өвдгөө түшсэн хэвээр суунгаа, “Ухаанд багтахгүй юм...” гэж бас өөрийнхөөрөө дүгнэв. Харвал үнэхээр сайн буухгүй байгаа нь илт байв. Тэгээд л нэг үгээр там гэж тодорхойлдог байх нь ээ дээ гэж би бас өөртөө нэмэлт хийв.

_________________
:3q:


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 131 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited