Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын тэргүүн, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч ноён Кирсан Николаевич Илюмжинов 2009 оны 2-р сарын 2-4 ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын нэгэн хэсэг нь МоШХ ны удирдлага, шатарчидтай уулзаж монголын шатрын спортын хөгжлийн талаар ярилцах байсан юм.
Ноён К.Н.Илюмжинов 2-р сарын 3 ны өдөр МОШХ ны удирдлага, тэргүүлэгчидтэй үдийн зоог барьсан бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд монголын үе үеийн шатарчидтай уулзалт хийж өсвөрийн шатарчидтай зэрэг тоглолт хийсэн юм. Шатарчидтай уулзалт хийх үеэр тэрбээр ярихдаа 15 жилийн өмнө Халимаг улсад шатрын спорт огт хөгжөөгүй байсан. Спортын мастер ч байдаггүй байлаа.Улс төр, эдийн засаг гээд бүх зүйлээрээ бид хоцрогдсон хүндхэн байдалтай байлаа. ОХУ-ын мужуудаас хамгийн хөгжил муутай ядуу улсаа яаж хөгжүүлэх вэ гэж би бодсон. Ерөнхийлөгч болсноор миний хамгийн анхны гаргасан шийдвэр бол шатрын спортыг хөгжүүлэх шийдвэр байлаа. Ингэснээр манай улсын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудад шатрын хичээл орох болсон. Үүний үр дүнд хүүхдийн оюун ухаан сайн хөгжиж, бүх төрлийн хичээл дээр амжилттай суралцах болсон. Математик болон бусад хичээлүүдээр явагддаг дэлхий, олон улсын төрөл бүрийн олимпиадуудад халимагийн хүүхдүүд шагналт болон эхний байруудыг эзлэх болсон. Хамгийн сүүлд ОХУ-ын нэг сая хүүхэд төгсөлтийн ерөнхий шалгалт өгөхөд манай Халимаг улсын сурагчид өндөр амжилттай оролцсон. ОХУ-ын 85 муж тойргоос хамгийн өндөр оноог авч байсан, Москвагаас ч илүү үзүүлэлтийг гаргасан. Энэ бол шатрыг ЕБС-д заасны ач юм. Халимагт шатар хөгжсөнөөр 15 жилийн өмнө юу ч үгүй байсан бол одоо өсвөрийн дэлхийн аварга шатарчин, их мастертай болоод байна. 15 жилийн өмнө төрөө ч үгүй байсан халимаг хүүхэд Санан Шигуров өсвөрийн шатарчдын хоёр удаагийн дэлхийн аварга болж 15 насандаа их мастер боллоо. Бид дэлхийд байхгүй шатрын хот, шатрын ордонг өөрийн улсдаа барьсан.
1995 оноос Дэлхийн Шатрын Холбооны /ФИДЕ/ ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхлэх үед шатар хэдэн хэсэг салчихсан эв нэгдэлгүй байсан билээ. Г.Каспаров ФИДЕ г орхисноор шатрын хагарал эхэлж янз бүрийн дэлхийн аваргууд бий болсон байсан. 2006 онд өөр өөр дэлхийн аваргууд болох Крамник Топалов нарын халз тоглолтыг зохион байгуулснаар шатрын хагарал эцэс болсон юм. Томоохон шатарчид ФИДЕ-ийн дэлхийн аваргыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Одоо манай холбоонд 160 гаруй улс багтаж байгаа. Жилдээ 60 гаруй мянган тэмцээн уралдаан явагдаж байна. Монгол Улсын хувьд шатрын ордон өөрийн гэсэн байр байдаггүй юм байна. Танай шатрын Холбоо хотын захиргаатай шатрын ордон барих газар хөөцөлдөж байгаа гэсэн. Хэрэв хотын зүгээс сайн газар өгөх юм бол миний бие ФИДЕ-ийн ерөнхийлөгчийн хувиар шатрын ордон барьж өгөхөө амлаж байна. Өөрсдийн зураг төсөлчдөө ирүүлж Улаанбаатарт байхгүй загвар хийцтэй ордон бариулна. Дрезденд болсон шатрын олимпиадад монголын эмэгтэй шатарчдын баг 17-р байр харин эрэгтэйчүүдийн баг бүр хойно 150 билүү байр эзэлсэн байсан. Өсвөрийн ДАШТ нд жаахан охин 8-р байр эзэлсэн. Эндээс харвал эмэгтэйчүүд нь илүү ухаантай юм биш үү хэмээн егөөдөж байлаа. Танай улс шатрын дунд сургуулийнхаа сургалтын хөтөлбөрт оруулбал бид сургалтын материал, арга туршлагаасаа хуваалцаж бүхий л талаар дэмжих болно. БСШУ ны сайдтай уулзаж энэ талаар ярилцсан.
Би Монголчуудыг хамгийн ухаантай ард түмэн гэж боддог. Халимагууд бид европт байгаа Монголчууд юм. Та бүхэн манай улсад очвол өөрийн эх орноо хэмээн бодоорой. Тэртээ 800 жилийн өмнө Их эзэн Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан. Одоо Чингис хааны хөргийг архины шилэн дээр тавьснаараа түүний нэр хүндийг өргөсөн явдал болж байгаа гэж бодохгүй байна. Бид оюун ухаанаараа дэлхийг байлдан дагуулах ёстой. Чингис хааны байлдан дагууллын үед Монгол улс 2 далайн хоорон байсан бол одоо далайд гарцгүй орон. Харин Халимагт Каспийн тэнгис байна. Тэр бол та бүхний тэнгис юм шүү. Энд зогсож байгаа монгол халимаг 2 ыг ялгахын аргагүй гэж байна. Тиймээ бид адилхан жартгар нүдтэй хөх толботой. Гэхдээ би ерөнхийлөгч Энхбаярыг Халимагт зочлоход нь хэлж байсан юм. Бидэнд ялгагдах юм бас байна гэж. Юув гэхээр бид илүү жартгар. Яагаад гэвэл бид 400 жил зүүн зүг монгол руугаа харсаар, хүлээсээр илүү их жартгар болсон юм.
Хөрш орнуудад Хятадад, Вьетнам, Филлипин гэх улсуудад шатар их хөгжиж байна. Хятад Энэтхэг дэлхийн аваргатай боллоо. Монголчууд тэднээс юугаараа дутах юм бэ. 21-р зуун Монголын зуун байх болно. Чингис хааны агуу сүрийг бид дахин өргөх ёстой. Миний ярьж байгаа зүйл магадгүй америкт, европт, ерөнхийлөгч Б.Обамад таалагдахгүй байх. Гэхдээ улс, үндэстэн бүр өөрийн хүсэл, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Шатар тоглож байгаа жаахан хүүхэд ч мөрөөдөлтөй байх ёстой. Түүнд чи дэлхийн аварга болох ёстой, болох ёстой хэмээн хэлж итгүүлсээр тэр дэлхий аварга болно.
Түүнийг үг хэлсний дараагаар БТСУХ ны дарга Наранбаатар Монгол Шатрын Холбооны тэргүүн С.Энхцаг нар үг хэлж дурсгалын зүйлс солилцсон.
Тэрбээр монголын 8-14 насны өсвөрийн УАШ тэмцээний алт мөнгөн медалтай 10 хүүхэдтэй зэрэг тоглолт хийсэн. 1 хожиж 1 хожигдон 8 тэнцсэн.
www.mongolchess.com