С.Дэмбэрэл: “Могул” брэнд манай мэдээлэл, технологийн салбарт хөгжил авчраад зогсохгүй агуулга талаасаа шинжлэх ухааныг хөгжүүлэх шинэ алхам болно Н.Мөрөн
Засгийн газраас 2009 оныг “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил” болгон зарласан. Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
2009 оныг “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” гэж зарлаад таван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд Засгийн газраас үндсэндээ цаас боловсруулах ажил хийлээ. Цаастай зууралдсан ажилд их хугацаа зарцуулсан. Гэтэл иргэд, тэр дундаа хувийн хэвшлийнхэн бодит амьдрал дээр үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг хүсч байна. МҮХАҮТ-аас Үйлдвэржилтийн газрын зураг гаргасан. Эхний ээлжинд бид импортыг орлох, үндсэн зах зээлийг хангах үйлдвэрлэлийг бий болгох хэрэгтэй байна. Тэр ч утгаараа хувийн хэвшил, Засгийн газартай хамтраад хаана, ямар үйлдвэр баривал тохиромжтой вэ гэдгийг судалгаагаар гаргасан юм. Үйлдвэржилтийг бий болгоход зөвхөн банкийг хараад нэмэргүй. Банкууд мөнгөний хатуу бодлогын улмаас өнөөдөр үйлдвэржилт битгий хэл, эргэлтийн хөрөнгийг зээлжүүлж чадахгүй байгаа шүү дээ. Ийм нөхцөлд бид өөр альтернатив санхүүжилтийн хэлбэрийг бодох хэрэгтэй юм. Үйлдвэржилтийн аяныг бодитой эхлүүлэхэд эхний ээлжинд 30-50 сая ам.доллар шаардлагатай байна. Ийм хэмжээний хөрөнгийг төрийн дэмжлэгээр, эсвэл олон улсын байгууллагуудаас зээлж болно. Энэ механизмыг хэрэгжүүлэхдээ танхимаар дамжуулах буюу танхимтай хамтарч шаардлагатай санхүүжилтийг хийж болох юм. Мэдээж үйлдвэрлэл явуулахад хугацаа, хүүний хувьд тохиромжтой хэлбэрээр зээлийг олгоно. Орон нутагт болон Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдэд шаардлагатай үйлдвэр байгуулахын тулд хувийн хэвшлийн хуримтлуулсан туршлага, мэргэжилтэй боловсон хүчний нөөц, техник технологийнх нь боломжийг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээ нь, ноолуурын боловсруулах үйлдвэр барих боллоо гэхэд хаана байгуулах, ямар тоног төхөөрөмж хаанаас нийлүүлэх, боловсон хүчнээ хаана бэлтгэх зэрэг асуудлаар мэргэжилтнүүдтэй нь техникийн зөвлөгөөн хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг 2-5 жилийн хугацаатай лизингээр, цааш төлөх нөхцөлтэйгээр эхлүүлж болох юм. Хувийн хэвшлийг санхүүгийн тал дээр дэмжихгүйгээр, зөвхөн төр, засгийг хараад байвал ажил урагшлахгүй, үйлдвэржилт гэдэг хоосон яриа болоод өнгөрнө. Тийм ч учраас бид “Үйлдвэржилтийн газрын зураг ба альтернатив санхүүжилт” гэсэн томъёоллыг гаргасан юм.
Монголд анхны олон улсын стандарт бүхий угсралтын технологитой компьютерийн үйлдвэр ашиглалтад оржээ. Энэхүү “Могул” брэндийн үйлдвэрийн ач холбогдлыг Та хэрхэн үнэлж байна вэ? Энэ бол хувийн хэвшлийн маш сайн санаачлага. Өөрөөр хэлбэл монголчууд төр, засаг дэмжсэн дэмжээгүй импортыг орлох үйлдвэрлэлийн үйл явцыг өөрсдөө түргэтгэж байна. Өмнө нь хэрэглээний түвшинд, үйлдвэрлэлийн түвшинд хийдэг байсан бол одоо оюун ухааны түвшинд бүтээгдэхүүн хийгээд эхэллээ. Мэдлэг шингээсэн бизнесийн салбарт импортыг орлосон анхны гэж хэлж болох үйлдвэрлэлийг бий болгож чаджээ. Урьд нь дотооддоо компьютер угсрах оролдлогууд хийж байсан. Бусад улс орон ч энэ замаар замнасан. Гэвч энэ удаад гар ажиллагаа багатай, дэвшилтэт технологиор компьютерийг массаар үйлдвэрлэх боломж манай оронд нээгдэж байна. Бид асар урт замыг товчилж, иж бүрэн компьютер угсрах үйлдвэрлэлийг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлж, дотоодын зах зээл дээрх импортын бүтээгдэхүүнийг орлох өөрсдийн брэндтэй боллоо. Төрөөс импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийг дэмжих ёстой л доо. Яаж дэмжих вэ гэдэг дээр хоёр зүйл хэлье. Саяхан Гааль, тарифын зөвлөл гэж байгуулагдлаа. Манай танхимын төлөөлөл ч бас тус зөвлөлд орсон. Импортыг орлох, импорттой өрсөлдөх хэмжээний үйлдвэрлэл маань хэрэв хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцээд, үнэ болон чанар, бусад параметрүүдээрээ олон улсын стандартад нийцэж байвал гааль, тарифын механизмаар дамжуулаад тэрхүү үйлдвэрлэлийг бид дэмжих ёстой юм. Зөвхөн дотоодынхоо зах зээл дээр ажиллах төдийгүй, Оросын Чита, Эрхүү, Тува, Хятадын Эрээн гэх мэт хил орчмын нутгуудаар эдийн засгийн орчныг тэлэх, өргөжүүлэх замаар экспортын чиглэл рүү хандуулах боломжтой.
“Могул” брэнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломж байна гэсэн үг үү?
Дэлхийн энэ өрсөлдөөнт зах зээл дээр монголчууд бид инноваци буюу шинэ зүйлийг нэвтрүүлэх бүрэн боломж байгаа. Бүтээгдэхүүний мөчлөг гэсэн ойлголт байдаг. Компьютерынхаа угсралтыг олон улсын түвшинд стандартын дагуу хийж, зах зээлээ оллоо гэж бодъё. Дараагийн алхам нь шинэчлэлээ улам төгс болгон, тэр дундаа программчлал талаас нь өөрчлөлт хийж болно. Тэр программ нь дэлхийн стандартаас ялимгүй зөрүүтэй байхад л брэнд болох бүрэн боломжтой. Дэлхийн алдартай компьютерийн брэндүүд яг ийм замыг туулсан байгаа юм. Монголын хувьд шинэ ганцхан зүйлийг бий болгоод, түүнийгээ хөгжүүлээд явбал тэр нь давуу тал болно. Хэрэглэгчдэд тохиромжтой ганцхан зүйлийг өөрсдөө хийгээд, компьютерээ брэнд болгох стратегийн бодлого дэвшүүлбэл дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүрэн боломж бий.
Аливаа эдийн засгийн хөгжил оюуны капиталд суурилдаг. Тэгэхээр оюун ухаанд түшиглэсэн үйлдвэрлэлийн талаар Та ямар бодолтой байна?
Бид бизнес гэхээр бараа, бүтээгдэхүүн борлуулах л гэж ойлгодог. Гэтэл тэр болгонд чинь хүний толгой, оюун ухаан ажилладаг шүү дээ. Тэр дундаа оюуны өмч, эрдэм мэдлэг дээр суурилсан бизнес гэдэг гэрэлтэй, ирээдүйтэй. Монголчуудын оюуны потенциал их өндөр юм. Манай математикийн шинжлэх ухаан яаж хөгжиж байгаа билээ. Шатар, ер нь сэтгэлгээ шаардсан олон улсын тэмцээн уралдаануудад монголчууд их амжилттай оролцдог. Хамгийн гол нь гүн гүнзгий сэтгэлгээг тэжээж байгаа орчин бол бидний өв уламжлал, түүх, нүүдэлчин амьдралын хэв маяг маань байдаг. Дөрвөн улиралд нүүдэллэх, байгальдаа дасан зохицох амьдралын хүрд нь монгол хүний тархийг байнга дасгалжуулж ирсэнтэй холбоотой. Ургуулан боддог, стандарт хэвшмэл загвараар биш өөрөөр сэтгэдэг улсууд юм, бид. Тийм ч учраас монголчууд юмыг дуурайх, суралцахдаа амархан, дасан зохицох чадвар сайтай, түргэн сэтгэдэг зэрэгт нөлөөлсөн болов уу. Түүнээс гадна хэл соёлын талаас нь аваад үзвэл түргэн хэллэг, оньсого, жороо хэллэг зэрэг нь сэтгэлгээг хөгжүүлж ирсэн байгаа юм. Энэ гайхамшигт уламжлал маань орчин үед инженерийн сэтгэлгээг баяжуулж байна. Бидний өрсөлдөх давуу тал бол энэ. “Могул” брэнд нь дан ганц үйлдвэрлэлийн асуудал биш. Үүнийг дагаад манай мэдээлэл холбоо, технологийн салбарт асар их өөрчлөлт бий болно. Жишээлбэл КТМС-ийн оюутнууд үйлдвэр дээр нь очоод бодит задаргаа хийж, практик дээр суралцана. Эндээс шинэ санаа төрж, инженерийн боловсролын системд дэвшил гарах юм. “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд Япон улсыг жишээ болгон, өөрсдийн зорилтот зах зээл гэж төлөвлөсөн. Тэгвэл энэ чиглэлээр бид цаашид юу хийж чадах вэ. “Могул”-ын үйлдвэрлэлийг бид дэмжсэнээр өнгөн хэлбэр талаасаа бол дотоод зах зээл, сургуулиудыг компьютераар хангана. Харин агуулга талаас нь үзвэл манай залуучуудын инженер, программчлалын мэдлэг сайжирч, Монгол улсын “Е бэлэн байдал”-д ахиц гарна. Энэ бол зөвхөн эд анги үйлдвэрлэх асуудал биш. Бүхэл бүтэн шинжлэх ухаан, оюуны хөгжил дэвшлийг эх нутагтаа бодитой үндэслүүлж байгаа явдал болно.
|