“PC” тоглоомын нэг шөнө хараалын үг, тамхины утаагаар дүүрэн-
XXI зуун интернэтийн эрин. Энэ ч утгаараа манай хүүхэд, залуус дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээллийг цаг алдалгүй авч байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр багачуудын хүмүүжилд хор хөнөөл учруулах зүйлийг зааж, сургаж байгаа нь бас л интернэт.
Донтогч нарын оюун санаа нь зөвхөн тоглоомын төлөө. Хичээл, сургууль, гэр орон нь тэдэнд огт сонин биш. Гэрээсээ хулгай хийж, хэдэн өдрөөр ч хамаагүй нойр хоолгүй тоглоно. Ганцхан жишээг өгүүлье.
Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны 4А байрны ард байрлах нууцлагдмал нэгэн тоглоомын газарт тоглоомчид өдөр бүр хонодог тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Ногоон өнгөтэй, нэг давхар, гаднаа хаяггүй энэ газрыг бид шөнийн сурвалжлагынхаа бай болгов.
Тоглоомын газрын ажилтан 23:00 цагт үүдээ барих гэж байгаагаа мэдэгдлээ. Тэгсэн хэрнээ хонох хүсэлтэй хүн байгаа эсэхийг лавлав. Ганзориг гэх 21 настай залуу тоглоомондоо улайрч гэрийнхэндээ “Нэг найзындаа хонолоо” гэж худлаа хэлээд тоглоомоо үргэлжлүүлэв.
Дотроо гурван тасалгаатай энэ газар 25 ширхэг компьютертэй. Өдөр нэг цагийг нь 500 төгрөгөөр тоглуулдаг. Харин шөнө хонуулахад 3000 төгрөг. Ашиг шөнөдөө 75 мянган төгрөг. Өдрийн цагаар бол тэрнээс илүүг олно. Хоногоор тоглуулахдаа жаахан хүүхэд хонуулдаггүй, 16-аас дээш насныхан хонож болно.
Өнгөрсөн бямба гаригт энд 16-40 насны 25 хүн хонож тоглолоо. Хонож тоглохыг хүссэн хүн олон учраас эрт очиж захиалга өгөх хэрэгтэй. Цагийг нь тулгаж очвол суудал олдоно гэж үгүй. Хаалга түгжиж хаасныг мэдэгдсэнээр компьютер тоглоомд донтогчдын нэг шөнийн амьдрал эхэллээ.
Тэнд хонож байгаа хүмүүс хоорондоо талцаж баг болон мөрийтэй буудалцаж тоглодог. Тэд тоглоомгүйгээр бараг унтаж чаддаггүй. Дэлгэцэн дотор хүн алахдаа ч гаргуун юм аа. Мэргэжлийн алуурчин гэж хэлэхэд болно. Тоглохоор хонож байгаа хүмүүсийн хувьд сурагч, оюутан, машин угаагч, бизнесмэн, таксины жолооч гээд баян, ядуу, боловсролтой, боловсролгүй нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс байв.
Энд тэндгүй “Хараал ид. Өө новш оо. Энэ муу ямар овоо хулгайч вэ. Алаад өгье” гэх мэт үгс тасрахгүй. Нэг нэгнийгээ “Чи зүгээр л хутганы “мишок”. Чамайг гар буугаар л ална шүү” гэж өөрсдийгөө хөөргөнө. Үндсэндээ бүгд тоглоомондоо оюун ухаанаа алдчихав.
Тоглоомчид яг л нэг байгууллагын хамт олон шиг биенээ сайн таньдаг бөгөөд тоглоомынхоо нууц нэрээр нь дууддаг. Тэднийг жишээ нь “Алуурчин”, “Гэрчийг устга”, “Төмөр хүн”, “Анчин”... гээд хүн бүр өөрийн гэсэн тоглоомын нэртэй.
Тоглоомын газрууд цагдаа нарт молиго үмхүүлэхдээ гаргуун
Тэдний дунд гэрийнхэндээ тоглохоор хонолоо гэдгээ хэлсэн хүмүүс байхад, ажил дээрээ, эсвэл айлд хонолоо гэж худлаа хэлээд хонож байгаа хүн илүү олон.
Баруун талд маань сууж байсан залуугийн утас 30 минут тутамд дуугарна. Тэр болгонд нь тэрээр “Хайр нь ажил ихтэй байна. Охин гайгүй юу. Хэдэн цагийн дараа очно оо” гэж хэлнэ.
Мөн тэнд ахынхаа машиныг унаж яваад өөр нэг машины ардаас мөргөчихсөн Ганбаа хэмээх залуу байв. Тэрээр “Ах үнэн сүртэй. Би машиныг нь унаж яваад нэг машины араас гулгаад орчихсон юм. Ахын машины урд гэрэл хагарсан. Нөгөө машиных нь будаг нь л халцарсан юм. Нээх сүртэй юм болоогүй байхад хүн загнаад байгаа юм даа. Ахиж машиныг нь унахгүй. Гэртээ хэд хоног очихгүй” гэж байгаа нь сонсогдов.
Ер нь тэнд зөв бодолтой хүн байдаггүй юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун. Мөн амьдралын ялгаа ч нэлээд их харагдаж байв. Идэж ууж байгаа зүйлс нь хүртэл огт өөр. Бэлэн гоймон, татаж байгаа тамхи, ууж байгаа ундаа, өмссөн хувцас нь тэдний хэн нь хэн бэ гэдгийг илтгэнэ.
Бас бооцоотой тоглох, бооцоогоо өсгөж байгаа нь хүртэл зэрэглэлтэй. Боцоо 500 төгрөгөөс 5000-ын хооронд байна. Хөлөө ачин амандаа тамхи зууж, бие биеэ буудаж “хөнөөх” нь тэдний ганц жаргал аж. Хүн болгон тамхи татдаг учраас хөх утаа шөнөжин тасрахгүй. “Тамхиа болиоч ээ” гэх хүн алга.
Дотор талынхаа цонхыг хар цаасаар бүрчихсэн учраас гаднаас ямар ч гэрэл тусдаггүй. Тиймээс цагдаа нар хаачихсан байна гэж бодоод хаалгыг нь хэд балбасан болоод явдаг аж. Нэг ёсондоо тоглоомын газрын эзэд цагдаа нарыг хэрхэн хуурахаа сайн мэддэг байна.
Хонож байгаа хүмүүс бэлэн гоймон чанаж иднэ. Бие засах ганцхан өрөөтэй. Тийшээ дугаарлах хүмүүс олон. Шөнийн 03.00 цагийн үед татах тамхи, уух кофегоо дууссан хоёр залуу дэлгүүр гарахаар боллоо. Тэднийг гаргаж өгсөн тоглоомын газрын ажилтан “Орж ирэхдээ хойшоо харсан цонхыг гурав тогшоорой. Тэгээд цагдаа сайн харж байж орж ирээрэй” гэж захив. Төд удалгүй нөгөө хоёр залуу яг хэлсэн ёсоор нь цонхыг тогшин орж ирлээ. Тэд “Өө новш. Онгорхой дэлгүүр алга байна” гэж халагласаар орж ирээд тамхитай нэгнээс нь мөнгө төлж тамхи авлаа. Өглөөний 06.00 цаг гэхэд залуусын дунд тамхитай хүн байхгүй болсон байв. Ингэж ашгүй нэг юм тамхины утаанаас ангижирлаа. Тоглоом цааш үргэлжилсээр…
Тоглож байгаад ядраад ширээгээ дэрлээд унтах нэг нь байхад огт ажирсан шинжгүй тоглосоор өглөө болгосон ч олон хүн тэнд үлдсэн юм. Хүний оюун санаанд хуримтлагдсан зүйлс алсдаа биелдэг гэдэг. Ална, тална гэсэн өшөө хорслын үгтэй зэрэгцүүлэн компьютерийнхээ товчлуурыг тогших тэд амьдрал дээр жинхэнэ буу барьвал яах бол. Тоглоомондоо улайрсан тэд хэдэн хүн буудаад алчихвал бөөн баяр болж байна. Харин өөрөө үхчихвэл бөөн уур уцаар болж гэмгүй ширээ сандал, мауз, компьютерийн дэлгэц, товчлуурыг дэлсэж орхино.
Дэндүү завтай залуус эх оронд маань байна аа. Ингэж явсаар тэд нэг л өдөр “Шархад”- ны донтогсдын тасагт хэвтэх биз. Олон цагаар тоглосноос болоод мэдрэлийн ядаргаанд орох нь наад захын асуудал. Монголын ирээдүй цагийг хаана, хэрхэн өнгөрүүлээд байна вэ. Хуулийг гууль болгодог, тогтсон дүрэм журмыг мөрдөж ажилладаггүй тоглоомын газрын бодит нүүр царай ийм л байна.
_________________ Game over, nerds win.
|