хоол ч амттай, аргал түлээ түүсэн ч хаяанаасаа ер ийм тиймд сэтгэл хоёрдохгүй амгалан тайван хүсэх үгүйлэх юмгүй хоёр гурав хоног жаргалтай нь аргагүй сайхан байх шиг байдагсан. Одоо тийм ч юм алга. Огт таньж мэдэхгүй хүний нутагт отроор явж байгаад хоног таарч нэг газар буудалчихаад, зангий нь мэдэхгүй газар яаж хононо доо, чоно нохой эргэдэг болов уу, яадаг бол гэж сэтгэл зовнидог шиг нэг л харь санагдана. Уг нь энэ нутагт энэ жил бууж байгаагийнхаа хувьд шинээс биш, намар оройхон болохоор өвөлжөөгөө бараадан жилийн жилд л буудаг, өвс ногоо, чулуу шороогий нь хүртэл андахгүй мэдэх газар билээ. Ойр хавийнх нь таана хөмүүл сугсалзсан хэсэг бусаг ногоон буйр цөм л эднийхний ноднин, уржнангийн буйр бөгөөд харанхуй шөнө явган гүйцсэн ч бүдрэхгүй газар атал яагаад ч юм энд буусан нь дэмий санагдана. Ядахдаа уржнан намаржсан Хүрэн овооны энгэрт ч юм уу, тээр жил тэр нэгэн өдөр Дамбыг тэднийд ирэхэд байсан нутаг болох Хөх дэрсний хондонд ч юм уу, Дэжидийн тавдугаар ангид орох намар нь буусан Улаан дэлд ч юм уу, аль эсвэл нэгэн их элсэрхэг газар нүүгээд буучихсан гэрээ ч бариагүй Дэжидийг наршчихна гээд эх нь авдрын сүүдэрт суун хөл дээрээ элс асган тоглож байсан тэр нутагт буусан бол сэтгэл өег байх байсан ч юм шиг, тэр дундаа ээжийнхээ сэрүүн тунгалаг ахуй цагт нутагладаг байсан нутагт буучихсан бол сая сэтгэл амар байх байсан мэт санагдана. Ер нь сүүлийн үед ээжийнхээ ярьж, хэлж байсан үг, ээждээ уцаарлаж, туниж, зөрүүдэлж байсан бүхэн нь эргэн бодогдож, тэгэхэд муу ээж минь надад гомдсон байх даа гэж хэзээ хэрхэн юү гэж хэлснээ тодоос тод санан, тэр бүрд өөрийн эрхгүй хоолой нь зангирч нулимс унагаадаг байлаа.
Дамба Дэжид хоёрыг айл болсны дараа эх нь дөрвөн ханатай жижиг гэр барин тэднийтэй айл явдаг байсан үе байлаа. Нэг орой «Хөхүүр дүүрчихлээ. Хоосон сав байна уу, сүү юүлье» гээд ээжийндээ орсонд эх нь галын аман дээр суучихсан уйлж суув. «Яав ээжээ, бие зүгээрүү» гэхэд эх нь «Бие яах вэ, хэвтчихгүй л бол хүн эрүүл саруул яваад байна гэж боддог хойно босоо шүү л байна. Хүнд чинь биеэс гадна сэтгэл гэж нэг юм байдаг юм байна шүү, хүү минь. Хүн гэдэг хөгшрөх тусмаа хүнээр бөөцийлүүлэхийг боддог юм байна. хэн нэгтэй бодсон санаснаа дэлгэн суумаар ч л бодогдох юм. Заримдаа мэдээ чимээ өгч чадалгүй үхчихээд өдий төдий болчих вий ч гэж айх юм. Би ер нь манайд хүн битгий орж ирээсэй гэж бодож яваагүй болохоор хүн хар орж ирэхгүй болохоор чинь хэцүү юм байна шүү дээ. Сураагүй болоод л тэр байх даа» гэжээ.
Тэгэхэд нь Дэжид сэтгэлий нь засах олигтойхон ч үг хэлж чадалгүй хий дэмий л дуугүй жаахан сууж байгаад гарахдаа «Зарим нэгтэй адилхан явуулын амьтан дагаад өөр аймаг сум алгасаад алга болчихвол яах нь вэ. Дэргэдээ аваад, өргөж тээгээд явах тусам цаашлах гэж. Яалгах гэсэн юм. Тийм л ганцаардаж уйдаад байдаг юм бол бидэн дээр ороод инээж хөхөрч, ярьж хөөрч байхгүй гэртээ шигдчихээд байх юм чинь» гэж тунирхан бодсон авч дорхноо «Үгүй бас хэр ч байгаа даа. Туурга тусдаа бол тусын дайсан гэгчээр тусдаа орон гэртэй болохоор, гэр орныхоо ажлыг эмхэлсээр зарим өдөр орохгүй ч өнжчих өдөр гардаг л байх. Хаа нэг орлоо ч тав тухтай таван үг ч солих завгүй энэ тэр юм авах өгөх нэрийдлээр ороод бараг босоогоороо шахуу байж байгаад л гардаг байх. Тэгсэн хойно уйдалгүй ч яахав дээ. Гадна дотноос хүн хар ирлээ ч манайд орчихоод л мордоод явчих юм чинь, хэр ээ. Одоо өдөрт зориуд орж сууж байя байз» гэж шийдсэн хэр нь гэртээ ормогцоо энэ тэр юм хийж ингэж тэгсээр мартагнан мөн л бахь байдгаараа зарим өдөр бараа бараагаа харалцаад ч өнгөрөх өдөр байдаг л байлаа. Энэ нь хань бүлтэй өөрийн гэр оронтой, дутагдах гачигдах нь үгүй болохоор жаргалдаа ташууран төрсөн эх, өөрийн гал голомтоо мартан огоорсон байдал харагдах боловч үнэхээр санаж сэрээд, эхийнхээ гэрт орж хоол цайнаас нь хуваалцан тав тухтай сууя ч гэсэн ярих хөөрөх юм олдохгүй. Эх нь л юм ярихгүй бол дуугүй сууна гэсэн үг. Гэтэл тэрэн шиг бэрх юм Дэжидэд үгүй мэт санагдан, гараад явчихъяа гомдох болов уу гэж эмээнэ. Ингээд суугаад байяа тоож юм ярихгүй байна. Би хөгширч хэнд ч хэрэггүй болсон амьтан гээд уйлж унжаад унавал яана гэж бодно. Дамбатай ярьдаг хөөрдөг юмаа ч ярилтай биш бас ч хэцүү юм тулгана. Зүй нь бригадын төвд тэгж ингэж гэнэ, сум нэгдлээс ийм тийм шалгалт ирэх гэнэ, яах вэ ийх вэ гээд сэтгэлий нь аятайхан засчихаад гараад явчихаж болох байтал Дэжид тэгж худлаа аяглаж үл чадах ажээ. Хар нялхаас эхийн дэргэд явсан, тэгээд ч отгон охин нь болохоор эхдээ онгог, эрх дураараа өссөн нь нөлөөлдөг байлаа. Түүний зэрэгцээ энэ тэр ажлаа их л удаан амжуулж, яль шальгүй гар хөлийн үзүүрээр хийчих юманд заавал зав зай хайх тул түүний ажил барагдаж зав гарах нь ч ховор. Тэгээд ч багаасаа эхийн ам харж, ингэ тэг гэснээр нь хөдлөөд сурчихсаныг хэлэх үү, Дамба угаас гадаа гэртгүй хөдөлж энэ тэрийг өөд нь татан, тэрийгээ тэг, энийгээ ингэ гэх болсон нь түүний амыг харан улам ч назгайрах болжээ. Энэ байдлы нь эх нь хараад үл тэвчих учир зарим үед үглэх яншихаас халшран нүднээс нь далд өнжихсөн ч гэж боддог өдөр гардаг байжээ.
Энэ бүхнээ одоо эргэн эргэн санах бүр нулимс нь цийлэгнэн ирж эхийгээ өөд болох цагт ингэж үгүйлэн гашуудаагүйгээ одоо үгүйлэн харамсана. Эх нь амьд сэрүүн байсан бол Дэжид яавч ийм зовлон амсахгүйгээр үл барам Дамбаас саллаа ч сэтгэлд нь хоосон хоцорсон зай бүхнийг бөглөж, орлож чадах юм ганцхан эх нь л юм шиг бодогдоно. Тэр ч бүү хэл эх нь амьд сэрүүн байсан бол гэдсэндээ хүүхэдтэй хоцорч байгаа нь юу ч биш, бодох санах, зовних уурлах, ичих юу ч биш шиг бодогдоно. Гэтэл ингэж өнгөрсөн улирсныг үгүйлэн дурсан нь маргааш «яах билээ, хэрхэх билээ» хэмээн шаналах шаналал зовнилыг нь улам ч ихэсгэж байгааг Дэжид өөрөө ч мэдэхгүй, мэдлээ ч санах үгүйлэхгүй байж чадахгүй билээ. Ерөөс хүн гэгчийн өнгөрсөн нь сэтгэлийнх нь хөрс болдог бөгөөд үйлийн салхийг үелзэх бүрд хүмүүн мөнөөх хөрснөөсөө зууран, мөнөөх хөрснөөсөө шим тэжээл эрэлхийлдэг ажээ. Нөгөө гэвэл шинэ нутагт буусаар мал тогтуун, элдэвт санаа зовних юм одоохондоо үгүй атал таана хөмүүлийн толгойд шар туяа татчихсан байгааг, нарны илч буураагүй налгар дулаахан байгаа хэрнээ хаа нэгтэйгээс сэвэлзэх салхины үзүүр цаанаа л нэг гэгэлгэн буйг Дэжид мэдрэн өвөл гэгч санааны мухарт бус барааны газарт цэнхэртэх уулсын оройд будран хэзээ хэзээгүй тал руу буух гэж буй мэт бөгөөд «Жар гарсан хоёр хөгшин, хуруун чинээ ганц хүү бид хэд яана даа. Ядаж бие давхар» гэж бодогдон шүүрс алдана. Одоохондоо морь мал унаж гадуур дотуурхи ажлаа амжуулахад саад болохгүй ч хоног цаашлах тутам томорч морь унахад бүүргэнд тулаад явж болохгүй болохоос эхлээд араг үүрч аргал түүх хүртэл саарна. Багцааг бодоход мал ид төллөхтэй давхцаж байгаа нь Дэжидийн янзыг үзэх гэсэн мэт улам ч хясч байх мэт ажээ. Урьд нь Дэжид ингэж ирэх цагийн зөнг мэдрэх нь бүү хэл, чухам хэдийд яаж намар шувтарч, өвөл залган хавартай золгодгийг эс мэдэх бөгөөд нэгэн мэдэхэд өвөлжөөнд бууж, идшээ хийцгээж бужигналдаж, нэгэн мэдэхэд цагаан сар болчихсон золгоцгоож, нэгэн мэдэхэд айраг цагаа дэлгэрчихсэн наадамд ямар дээл өмсөх билээ болчихсон байдаг байжээ. Хүүхдийн тухай ч мөн ижил. Анхны хүүхдийг олчихсон үгүйдээ эргэлзсээр явтал нь нэг мэдэхэд гарах болчихсон байсан санагдах бөгөөд чухам хэдэн сартайгаасаа хөдөлж хэдэн сартайгаасаа гадуурхи ажил хөдөлмөрөөс хөндийрч гэр зуур эргэлдэх болдгийг мартсан буюу хожим хойно хэрэг болно гэж анзаараагүй өнгөрсөн учир одоо анх удаагаа хүүхэд олсон мэт биеийг чагнан гутарч гуних өдрөө Дамбаас гэдсэндээ хүүхэдтэй хоцорчихож гэж хэн ч бодохгүй. Дэл сул амьтнаас л олчихож гэж ойр хавийн хүүхэн чавганц нар шуугих болно гэж бодохоос дутуу гаргачихмаар санагдан, хэзээ хэн яагаад дутуу гаргачихлаа гэж ярилаа гэдгийг санахыг оролдох авч юу ч үл санана. Хүн амьтнаас асууя гэхээр сургууль соёлоор хамт явсан найз нар малын бэлчээрээр уулзалдчихаар ойргүй, айлын хөгшин ойролцоо нутаглах хүүхэн чавганц нараас асууя гэтэл хэл амнаас нь эмээх тул хий л шаналан, нэг өдрийг өнгөрөөж нөгөө өдрийг үзэхдээ өчигдөрийн бодлоо эргэцүүлэн, юү гэгчийн муухай юм бодов оо, хүүхэд олчихсоноо анх мэдэрч яаж их баярлаж байлаа, эргэлзэл бүхнээ арилган гарцаагүй олжээ гэдгээ өөртөө баталсан хойноо Дамбад хэлнэ гэж нандигнан хадгалж яваагүйсэн биш билүү, ёстой хүүгийн минь заяа гомдох байгаа даа, ямар амьтан үр хүүхдээ дутуу зулбан гараасай гэж боддог байна хэмээн өөрийгөө зэмлэн, өөрийнх нь энэ бузар муухай бодлыг хүн мэдчихээгүй байгаа гэж эмээхэд ч хүрдэг байлаа. Тэр ч байтугай олсон даруйдаа Дамбад хэлчихсэн бол ийм явдал болоо ч уу, үгүй ч үү хэмээн бодогдож, хэлээгүйдээ харуусах бөгөөд суугаад долоон жил болсны хойно анхны хүүхэд гарч түүний долоон насан дээр хоёр дахь хүүхдийг олж байгаа нь ч гэсэн түүнд хачин тохиолдол шиг санагдан долоогийн тоо муу гэдэг үнэн юм биш байгаа гэж бодоход хүргэх боловч үр хүүхэдтэй болж байгаа маань муу юм гэж үү дээ гэж бас эргэлзэл төрнө. Энэ мэт элдвийн бодлоосоо болоод ч тэрүү ер нь шинэ нутагт бууснаасаа хойш гэртээ байх дургүй болчихсондоо ч тэр үү, аль эсвэл цаашдаа хөл хүндэрч хонь малд явж болохгүй болчихоор аргагүйн эрхэнд айлын хоёр хөгшин л явах тул одоо би явж болж байгаа дээрээ яваад байя ч гэж бодсон уу бараг өдөр болгон шахуу хонинд явдаг болов. Хоёр хөгшин ч байдлыг гадарласан болохоор онц их гайхсангүй. Сэтгэл санаа нь тогтворгүй болчихсон амьтан, хээр хөдөө алсыг харж явах өөрт нь амар байдаг байлгүй гэж ярилцан дуртай нь аргагүй зөвшөөрдөг байв. Үнэхээр ч гэрт байснаас хээр хөдөө энэ тэрийг харж явах нь Дэжидэд хөнгөн байх шиг байдаг байлаа. Ийнхүү явах зуур түүний урьд өмнө хэзээ ч төрж байгаагүй нэгэн бодол төрсөн бөгөөд тэрхүү бодол нь түүний сэтгэлийг зовоож байгаа бүхнээс аврах цорын ганц арга мэт санагдаж болжээ. Тэр бодол нь энд хэрэггүй буулаа гэдгээс ч хоёр хоногийн өмнө буугаад мордсон нутгийн нэгэн авгайн үг алдуулан Дамба тэр хоёрын явдлын талаар юм сонсох гэж ирсэн юм шиг сонжингуй харсаар суусан харцнаас ч, ер нь цаашдаа бууж мордох иймэрхүү улсын асуухгүй хэрнээ үнэн худлыг үзэх гэж ирсэн юм шиг элдвийг сонирхох байдлаас ч гаргах юм шиг санагдана. Хоног хугацаа өнгөрч алив бүхний сонь буураад ирэхээр Дамба тэр хоёрын сууж байсныг ч аандаа мартах бөгөөд тэр болтол амьтны нүднээс хол явах нь дээр гэж бодсон бодолд нь саяхных нь нэг зүүд улам ч түлхэц болжээ. Тэр зүү бол хүрэл гөрөөсний тухай зүүд юм. Хэдийд яагаад амь орчихсоныг бүү мэд толиных нь урд байдаг хүрэл гөрөөс амь орчихсон нэгэн их цэлгэр талын дундуур цааш цахилах бөгөөд Дэжид хойноос нь шилбүүр барьчихсан явган гүйнэ. Дэжидийг гүйх тусам гөрөөс цаашилсаар зээр гөрөөсний сүрэгтэй нийлэн цахилан цахилсаар холдоход цөхөрч туйлдсан Дэжид суун тусч, яагаад ч гүйцэхгүйгээ мэдрэх, их л харуусч байна гээд сэрчихжээ. Зүүдэллээ гэдгээ сэрүүт мэдсэн хэрнээ гэрэл гаргамаар санагдан лаагаа асаавал өнөөх хүрэл гөрөөс нь хөлөө жийн хэвтсэн хэвээр харагдана. «Яагаад би ингэж зүүдлэв. Хүн өдөрт бодож явснаа зүүдэлдэг юм гэсэн. Би энэ тухай ер бодоогүй юмсан. Хачин юм даа» хэмээн бодож тайвшрахыг хичээсэн боловч зүүднээс хоцорсон харамсал хэвээр...Нойр нь хүрсэнгүй. Толгой нь өвдөж байх тул толгойныхоо өвчнийг дарах санаатай эм олж уухаар авдраа уудалсан боловч эм олсонгүй. Хүүхэд бүлээрч, ийм тийм эм хэрэгтэй болоход Дамба авдрнаас л авч өгдөг байсан гэж бодон эрээд олдсонгүй. Ингэсээр үүр цайлгасан ажээ. Тэр өдрөөс хойно яагаад ч юм эзгүй яваад ирэнгүүт өөрийн эрхгүй мөнөөх хүрэл гөрөөсний зүг хардаг болжээ. Тэр ч байтугай нэгэн удаа далд хийчихье гэж бодсон боловч хүүгийн шалгаах, айлын хоёр хөгшнийг элдэв муу юм саначих болов уу гэж санан больсон нь бий. Энэ зүүд түүний сэтгэлийг улам ч тогтворгүй болгов. Энэ бүхэн хуримтлагдсаар тэрхүү бодлыг биелүүлэхээс өөр аргагүй болгожээ. Энэ бодол бол хүүтэйгээ хоёул говь руу оторт явъя гэсэн бодол байлаа. Энэ бодол нь өдөр ирэх тусам болих уу, яах вэ гэж бодогдуулахаасаа «Хэзээ явах вэ» гэж бодогдуулах нь их болов. Нөгөө гэвэл ингэж ойрын отор хийх нь малын таргад ч хэрэгтэйгээс гадна өвөлжөө бууцныхаа ойр орчныг өвлийн хахир хатуу цагт нөөцлөхөд хэрэгтэй бөгөөд хэдийгээр гэдэс гүзээ нь унаа унаж болохгүй боллоо ч тэнгэрийн тогтуунд энэхүү нөөцөлсөн бэлчээртээ хонио явган хариулахад ч болох юм гэж бас боджээ. Өдөр ирэх тутам биежсээр байсан дээрх бодол нь Дэжидийг яаруулах болсон тул нэг өдөр айлынхаа хоёр хөгшинд «Та хоёр гэр орноо сахиад хэдэн үхэртэйгээ үлд. Хүү бид хоёр хонио аваад баруун говь руу орж хэд хоночихоод ирье. Тэмээ тэртэй тэргүй говь руу зүтгээд байгаа юм. Бид хоёр тэндээсээ бараа харья» гэсэнд Дамбын үгнээс хэзээ ч гарч үзээгүй Багаа өвгөн «Намар бүхэн л энэ мэт өвөлжөө бууцаа түшин, дөхөж буучихаад болоод л байдаг байсан юм болох л байлгүй. Энэ жил яагаалхав гэж. За үнэхээр бригад сумаас отор хий барь гэж шахаад ирэх юм бол бид хоёр явна уу гэхээс чамайгий чинь хуруун чинээ хүүхэдтэй эзгүй говь руу явуулчихаад бид юугаа бодож суух билээ. Тэр ч барахгүй ажил байхаа. Гээд бод л доо. Уг нь өдийд ногоо нь нялхаараа сугсалзаад говь шиг сайхан юм хаа байх вэ. Мал ч бэлчээр соргог сайхан болох тусам шилэн сорчилж гүйгээд таргалж гүйцдэггүй юм. Амьтны нь араншин биз дээ. Хүн ч мөн ялгаагүй элбэг дэлбэг, бэлэн зэлэн байх тусмаа улам цаашлаад байхгүй юмыг үгүйлээд байх юм хойно, мал ч хэр биз дээ» гэжээ. Дэжид юү ч хэлсэнгүй, хэлэх ч үг олдсонгүй. Урьд нь отор хийж яваагүй болохоор тийм ийм гэх юм байх ч биш. Тэгээд ч өвгөний хэлсэн оргүй худал үг биш тул бас ч эргэлзэв. Нээрэн ч долоон настай хүүхэдтэйгээ хоёулханаа хүн амьтангүй, эзгүй говьд хээр хөдөө хононо гэж бодохоос айдас хүрнэ. Хэдийгээр энэ тал нутагт чоно байхгүй, Дэжид ч өдий хүртлээ чоно үзээгүй боловч хүмүүсийн амнаас аманд дамжин домог мэт хэлэлцэх айдас хүрэм яриа санаанд нь орж элдэв дэмий юм санаж сэдсэндээ өөрийгөө зэмлэжээ. Харин ямар азаар хүүдээ хэлчихсэнгүй вэ. Учир мэдэхгүй юм болоод тэр чинь явья барья гээд шалчихна гэж боджээ.
Ер нь сүүлийн үед Дэжид хүүдээ юуг хэлэх вэ, юуг хэлэхгүй байх вэ гэдгээ урьдаас заавал боддог болжээ. Тийм ч учраас тэгж асуувал нь тэгж хэлнэ гэж урьдаас заавал бодох болсон ажээ. Гэвч ихэнхдээ хүү нь Дэжидийн бодоогүй санаагүй юмыг , худлаа ч хэлэхэд хэцүү, үнэнийг ч хэлэхэд хэцүү талаас нь асуудаг байлаа. Өдөр ирэх тусам хүүхэд эцгээ санаж байна гэдгийг, яаж ч худлаа хэлээд үнэнийг далдалж чадахгүй юм гэдгийг Дэжид ойлгох болов. Түүнд хэн ч юу ч яриагүй хэр нь өөрийнхөө зөнгөөр, томчуулаас ондоогоор ухаарах ухаарлаараа үнэнийг мэдэрч, мэдэрсэн тэр цаг мөчөөсөө эхлэн тэр тухай элдвийг асуухыг ч больж, гаднаас харахад огт тоохоо больчихсон мэт болдог ажээ. Сүүлийн үед чихэр жимс, хоол унднаасаа эцэгтээ тавих гэж зүтгэхээ ч больж, дуу нь цөөрч үе үе нүд нь бодлогошронгуй энэ тэрийг хий гөлрөх болсон нь Дэжидийн сэтгэлийг зовоож аргаа барахдаа амьтан хүнээр «Хүүхэд санаад бэтгэрэх нь. Нэг ирж үзээч» гэж хэлүүлье. Тэгээд хүрээд ирдэг юм бол уйлж дуулж байгаад ч болсон үр хүүхдээ бодъё буцаж сууя гэж гуйдаг юм билүү, урьд өмнөхийг нь огт болоогүй юм шиг мартчихгүй юү. Мартья л гэвэл ер мартагдашгүй юм хаа байх вэ. Надтай яаж анх учирч байсан хамаг бүгдээ, арваад жилийн амьдрал, үр хүүхдээ мартчихаад явчихаж чадах байхад би чадахгүй ер юү болсон юм. Хүн гэдэг чинь ерөөс сайн сайхан, муу муухайгаа мартчихдаг л амьтан юм чинь. Хаман бүхэн надаас л болсон. Би л ам түргэнтэйдээ хөөсөн. Дамбад огт буруу байхгүй... хамаагүй тэрнээсээ салж хагацаж чаддаггүй юм бол ирж очоод явж л байг л даа. Би л мэдээгүй сонсоогүй юм шиг байя. Тийм улсууд байдаг л юм чинь... Зарим нь тэгж амьдраад болоод л байгаа юм чинь яадаг юм.Ганцхан намайг л бүү орхиг. Ингэж явж чадахгүй нь гээд гуйхад хүн байна даа даанч нэгийг бодно биз. Намайг өрөвдөх биз гэж бодогдон ингэж хэлэхээр Дамба түүнийг аргадна. Магадгүй урьд өмнө тэгж энхрийлж, хайрлаж байгаагүйгээр түүнийг энхрийлэх ч юм билүү гэж бодогдоно. Энэ бүгд зөвхөн түүний бодол биш зайлшгүй болох бүтэх юм шиг бодогдон сэтгэл санаа нь ч тайван амгалан болчих шиг болно. Надад муу юм бий. Өөрийгөө зөнд нь хаясан энэ тэр гээд.... Тэр яахав болно. Дамбыг ч дутуу хайрласан юм бий л байх. Хүний хүнийг хайраар татчихаж хүн чадаж байгаа юм, би өөрийнхөө нөхрийг хайраар дутаав гэж үү. Би хүн хайрлаж энхрийлэхэд бусдаас мөч дутуу төрсөн гэж үү ч гэж бодогдох бөгөөд ийнхүү бодоход нь хэнээс ч илүү хайрлаж, энхрийлж, халамжилж хэнээс ч илүү хайр энхрийлэл, халамж хүсч чадах юм шиг санагдана. Ингэж бодохоор яагаад ч юм заримдаа Тогоохүүгийнд очмоор, Тогоохүүг хармаар, юугаараа Дамбын сэтгэлийг татчихсаны нь мэдмээр санагдана. Одоо болтол түүний мэдэхсэн гэдэг юмны нэг бол Дамба Тогоохүүгийн юунд нь болсон юм бол гэдэг бодол юм. Энэ нь өөрт нь тайлагдахгүй байгаа нэг нууц юм шиг санагдан үе тэнгийн хүүхнүүдээс Тогоохүүгийн тухай мэдэх юмсан. үс, зүс, нүүр царай сайхантай гоё хүүхэн байдаг болов уу. Аль эсвэл ажил төрөл, алдар нэрээрээ гаргууд юм болов уу ч гэж бодно. Заримдаа тэмээ мал эрсэн сурсан болоод тэднийхээр буух юмсан ч гэж хүртэл бодно. Ер нь Дамба одоо нэг ирэх болсон, ирэхэд нь л гуйя. Хэд гурав хоног хараад ирэхгүй бол ир гэж хэл өгье гэж эрс шийдэн, хоёр гурван хоног хонь малд ч явалгүй тувт гэр орноо цэвэрлэн юм хүмээ угаан, боов боорцог чанан, тогоо нэрэн гэр орноо өөд татах болсон нь айлынх нь хоёр хөгшинд аятай таатай санагдан бас ч битүүхэндээ Дэжид юунд ингэтлээ бэлдээв? Ямар зочин ирэх гэж байгаа юм бол гэж бодох болов. Хамаг юмныхаа тоос шороог гүвж, угааж арчин мөнөөх хүрэл гөрөөсөө зүлгэж байхдаа сая гэр орныхоо эдэлж хэрэглэж байгаа эд хогшлоо анзаарч зарим нэг хуучирч өнгө зүс алдсаны нь хэмхчээд түлэхийг нь түлж хаяхыг нь хаячихаад, гэрийнхээ модыг будаж, шинэ авдар сав ч авч тавимаар бодогдов. Нугастай шинэ толь ч аваад тавьчихмаар санагдав.
Сүүлийн үед айлд ороход хамгийн түрүүн толь нь нүдэнд тусан тунгалаг сайхан тольтой айл сайхан санагдах болж, өөрийнхөө хуучирч цайр нь хөдөлчихсөн муу толийг хагалаад хаячихмаар бодогдоно. Хааяа зочин гийчин ирэхэд ч юм уу, сар шинээр дэвсдэг хивсээ хүртэл гүвэн дэвссэнд хүү нь манайд хэн ирэх гэж байгаа юм гэж шалгаасанд Дэжид хэлэх үг олдсонгүйдээ «хэн ирдэг юм. Хэн ч ирэхгүй» гэж худлаа уцаарлан дуугүй болгосон боловч хүү нь гэр орон цэвэр болсонд сэтгэл нь засагдан баяр төрөв үү, аль эсвэл хэн нэгэн хүн ирэх нь. Ямар гэгчийн чихэр жимс авчрах бол. Хотоос ирэх юм бол надад тонгорог авчрах болов уу үгүй болов уу гэж эхийгээ битүүхэн чагнана.
Багаа өвгөнийг сумын төв ороход нь гар нүүрийн саван, радиогийн зай ч захив. Хүүгийнхээ хөл толгойг угааж, хамаг хувцсыг сольж гадагшаа гарахад нь өмсгөдөг шинэ тэрлэг, эцгийн нь авчирч өгсөн гутлыг өмсгөв. Энэ бүхнийг харсан айлын нь хоёр хөгшин, хүү гурав нь яах аргагүй холын зочин ирэх нь гэж бодож, энэ тэндээс ирж яваа хүний бараа, машин тэрэгний дуунд чих тавьцгаах болжээ. Өөрөө ч үс толгойгоо угаан найр наадамд өмсдөг улаан торгон дээлээ өмсөх гэснээ амьтан хүнээс зовоод хуучивтар ногоон торгон дан дээл өмсөж, хөлдөө хагас өсгийтэй цагаан шаахай өмсөн, дахин дахин тогоо нэрж ааруул ээзгий буцалган ер борви бохисхийлгүй хөдлөн, энд тэндээс ийм тийм зочин ирнэ гэхгүй хэрнээ орж гарахдаа алсыг харж байгаа нь яах аргагүй хэн нэгийг хүлээсэн шинжтэй. Тэгтэл сумын төв орсон Багаа хөгшин ирж түүний захисан оо, саван, хүлээн авагчийн зайг авчирч өгөхдөө «Дамбатай дайралдлаа. Цэдэн Ишид өгөөрэй гэж энэ тонгоргийг өгч байна» гээд нэгэн жижигхэн эвхмэл тонгорог өгөв. Энэ үг Дамбыг ирнэ гэж бодож байсан Дэжидийн итгэлийг мохоон «өөрөө авчраад өгчихөж болсонгүй гэж үү дээ» гэж дотроо гомдосхийсэн авч айлын хүн дайралдахаар хэн ч түрүүлээд өгүүлчихэе гэж бодох шүү дээ» гэж зөвтгөн сумаас буцахдаа дайрах нь гэж тааварлав. Цэдэн Иш хүү ч тонгорготой болсондоо баярлан эхийгээ ирлээд аль гэж шалав. Дэжид хүн болсоор хутга ирлэнэ гэгчийг мэдэхгүй тул арга буюу хүүгийнхээ шалаанаас гарахын тулд «билүүгээ тонгорготойгоо бариад Багаа дээрээ оч» гэсэнд хүү ухасхийн орон доороос аавынхаа дархны хайрцгийг татан гаргаж уудалснаа алга гэв. Хайчив л гэж гэсээр очиж уудалвал нээрэн алга байлаа. Билүү байтугай бахь, шор, шөвөг, хуурай, жижиг алх сэлт нь цөм байхгүй байлаа. Дэжидийн хамаг бие сулран самсаа нь сарталзан ирэхэд хоёр гараараа нүүрээ дарав. Хүү яах ч учраа олохгүй бүлтэгнэн байснаа ээж рүүгээ дөхөн очиж «Ээж битгий уйл л даа» гэж толгойг нь илэх аядахад Дэжид хүүгээ элгэндээ тэвэрч «ээж хүү хоёр гэж нэг хоёр хүн яаж шүү амьдрана даа» гээд учиргүй мэгшин уйлав. Хүүхэд эхийнхээ энгэрт наалдсан хэвээрээ үг ч хэлсэнгүй, хөдөлсөн ч үгүй. Дэжид жаахан уйлчихаад дотор нь онгойсон бололтой уртаар санаа алдан «Миний хүү Багаадаа тонгоргоо аваад оч. Багаад нь билүү байгаа байлгүй» гэв. Хүүхэд дурамжхан гарлаа.
Дэжид элдэв төмрийн өөдөс, сур хадаас сэлт бүхий багажны хайрцаг руу ширтэн гөлөрч «Миний санаж байгаа, энэ хүний байж байгаа... Өөрийн хийсэн өөрийн толгой дээр гэдэг үнэн юм даа. Дөнгөж тусдаа айл болчихоод гэрээсээ хувин сав, халбага сэрээгий нь хэлж нэг аваад хэлэхгүй нэг аваад байдаг сан. Тэгэхэд муу ижий минь над шиг л гол нь харлаж суусан даа. Дамба ч хүний хүн болжээ» гэж гунихран бодож суув. Тэгээд босъё, хүн амьтан ч ороод ирэх вий гээд өндийх гэсэн боловч хамаг бие нь сулран, үе мөчгүй юм шиг болж, босоод яах юм, юү ч хийх юм билээ гэж бодоход нь ямар ч хийх ажил байхгүй юм шиг санагдан нөгөө хэвээр суусаар. Аргагүйн эрхэнд хүүгээ орж ирэхээр мөнөөх дархны хайрцгийг орон доогуураа харжигнатал түлхээд өөрийн мэдрэлгүй юм шиг тэнтэр тунтар гишгэсээр гадаа гарав. Тэнгэр цэлмэг. Наран дөлгөөхнөөр гийгүүлэн хавь ойр орчин тойрон анир чимээгүйд дарагдан Дэжидийн жаргах зовохыг хэн ч анзаарахгүй, хэнд ч хамаагүй мэт санагдахад улам ч ганцаардан энэ бүхнээ хэн нэгэн хүнд ярих юмсан. Хэнд ярих билээ хэмээн бодоход багын найз Дуламаас өөр хүн санаанд нь эс оров. Гэтэл тэднийх бараг өдөржийн газар байдаг тул санах юм биш ажээ. Дэжид гэрийн хаяанаас араг авч үүрснээ дахиад л хээр гарч усан нүдлэх гэж үү. Усан нүдэлснээрээ сайн болдог бол бишгүй л усан нүдэллээ шүү дээ. .. Тэгээд яах гэж? Солиотой юм шиг ганцаараа хээр тэнэх гэж үү? Энэ муу жаал минь яах юм? Хээр хөдөө уйлж эргүү юм шиг тэнээд байхаар чамаас эрүүл хүүхэд гарна гэж үү? Чиний хүсч мөрөөдөж явдгаар охин ч гарах юм билүү, яаж мэдэх вэ? Энэ тэр юмны наана цааны боддоггүй яачихсан ухаан муутай амьтан бэ. Ямар үхчихсэн биш. Хүүхдийн чинь эцэг амар мэнд л явж байна. Үхчихсэн бол чи яах юм гэж гэнэт бодон уужрах шиг болж гэртээ орон, хүлээн авагчаа залгалаа. Хаанахын ямар нэг хөг аяыг үл мэдэх нэгэн аялгуу уйтгартай ч юм шиг, аятайхан ч юм шиг намуухнаар эгшиглэн хэн нэгний харцаар аргадах аргадалт шиг ч санагдана. Ерөөс сүүлийн үед Дэжид гэртээ байвал хүлээн авагчаа үргэлж нээн сэтгэлд торох дуу хөгжим сонсогдвол анхааран чагнаж, мэддэг дуу, сонссон аялгуугаа дотроо даган нарийн нугалаа хөг аяы нь сэтгэлдээ тогтоон хоцрохыг хичээдэг болжээ. Дамба сумын төвөөс дайрвал дайрах хугацаа өнгөрсөн атал дайрсангүй. Дэжид ч одоо ирэхээсээ өнгөрлөө гэж мэдсэн хэр нь яаж мэдэх вэ гэж битүүхэн харуулдан үүр цүүрээр босч үс гэзгээ самнан гэр орноо цэвэрлэн идээ цагаа буцалган дахин хоёр гурав хоногийн нүүр үзэв. Дамба ирсэнгүй. Энэнд Дэжид гомдсон боловч урьдын адил даанч дээ хэмээн нулимс бөмбөрүүлэн суухыг больжээ. Харин ингэж бэлдэн айлчин гийчин хүлээсэн мэт байсандаа айлынхаа хоёр хөгшнөөс зовон «Хотод суудаг эгч маань ирнэ гэж дуулдсан. Ажил явдал нь болсонгүй юм байхдаа хэд хоног харлаа, алга» гэж аргагүйн эрхэнд худлаа хэлэхэд Должин хөгшин «Тэгж байгаад ирэх байлгүй. Хавьд ойрд нутаг орондоо ирээгүй хүн чинь. Цай чинь дэвэрч байна уу.. За тэр хэлээгүй юү. Тэр чинь ирэх л гээд байгаа нь тэр. Танай эгчийг тэр жил эхийн чинь ажил явдлаар ирэхэд танихгүй хөглөхөө шахсан шүү. Уг нь хар нялхаас нь мэдэх юм болохоор эрхбиш төс байналээ. Тэгэхдээ л мөн будилсан шүү. Хотод бол ч танихгүй нь билээ. Би ер хот орохоороо хүн танихаа больчихдог юм. Цугаараа л адилхан дүрлийсан хар нүдтэй цагаан хүүхнүүд... Гар хуруу, уруул ам, яриа хөөрөө, үгүй чухам алхаа гишгээ нь хүртэл цөм адилхан. Яахаараа ч тийм адилхан болцгоочихдог юм, хэн мэдэх вэ. Үгүй тэдний тэр жижигхэн хөөрхөн хөлтэйгий нь яанаа» гэхчлэн ярьсанд Дэжидэд эгч минь хүрээд ирдэгсэн бол ямар сайн вэ. Нээрэн хүрээд ирэх юм биш байгаа даа гэсэн горьдох сэтгэл төрж ямар азаар хамаг юмаа цэвэрлэж амживаа хэмээн баярлажээ. Энэ ярианаас хойш төдий л удаагүй байтал нэгэн орой тэднийхний хот айлыг чиглэн баахан морьтон ирсэн нь Хашаатын хоолойд хадлан хадахаар яваа бригадын хадланчид байв. Ирэхэд нь гадаа угтан зогсож байсанд ч юм уу, өвгөн настай болохоор нь хүндэлсэн ч юм уу Багаа өвгөнийд орцгоов. Хүү нь хэн хэн ирээд юү хийж байгааг хэдийнээ гүйж орж мэдчихээд ээждээ ирж дуулгав. Тэд юугаараа эс ч нэг хэсэг нь тэдний орж ирнэ гэдгийг Дэжид мэдэж байсан хэр нь огт сандарч тэвдсэнгүй. Түүний бүх юм бэлэн. Ер энэ хэдэн хадланчид бүү хэл бригадаараа ороод гарсан ч аятай тавтай цайлаад гаргачих юм шиг бодон, цугаараа ороод гараасай ямар байгааг минь Дамбын чихэнд дуулгачих амьтан байгаасай гэж хүсэх тусам нь хясан тэгэхээс тэгэх гэж удаад байх шиг санагдав. Түүний хүссэнээр тэдэнтэй яваа сургаалийн хэдэн хүүхдээс бусад нь цөм орж ирэн үе тэнгийнхэн нь харцуул:
--За Дэжидийг хадланд аваад явна гэцгээхэд Дэжид,
--Уухай, тэгмээр байна уу гээд инээмсэглэв.
--Бригадын дарга ч бидний дуртай хүнээ дайрч аваад яваарай гэсэн шүү.
--Дуртай хүн чинь би байгаа биз.
--Ийм хүүхнийг аваад мордоход дургүйцэх ч юү байхав дээ.
--Эзнээ голохгүй бол сайхан л дур санж.
--Ха Ха Ха.
--Чи Дэжидийг үгээр л лав давахгүй юм байна. Май өгсөн архий нь давдаг юм уу үгүй юм уу. Түрүүч нь сургаар нь шахуу айлд уначихаад байна.
--Хэн тэр вэ?
--Жигжид л байхгүй юү.
--Ямар, манай муу Жигжид үү?
--Тэгэлгүй яахав, танай муу Жигжид.
--Та хоёр чинь нэг анги, энэ тэр гэдэг биз дээ.
--Хэлээд яахав.
--Яасан догшин эд вэ.
--Догшин байна уу, чихдүүлэх үү?
--Ха Ха Ха
--Бас байдаггүй ээ.
--Охь байна шүү таминь. Наад Дэжид чинь биднийг цугаарангий маань дөнгөх нь.
--Дөнгөдөгөө ч дөнгүүлчихлээ л дээ, дөрвөн хөлтэй гардаг юм уу, хоёр хөлтэй гардаг юм уу л гэхээс.
--Болохгүй бол хононо доо.
--Хойморт санаад хотын захад унтчихгүй бол тэгээрэй л дээ.
--Ха Ха Ха
--Бас байдаггүй ээ.
--За гайгүй ээ. Чи тэгж л бай.
--За таминь мордоцгооё. Одоо боллоо.
--Чамлах юү байх вэ. Наадахаа балгачихаад морд. Өдий олон харцуулд ганц данх юм юү болдог юм.
--Хараач таминь. Одоо биднийг хөөргөж алах нь. Мордоцгооё, мордоцгооё хэмээн шуугилдан гарч, төдөлгүй харанхуйн дунд дөрөө хангиналдан дүнгэр дангар ярилцсаар холдоцгооход мөнөөх эл хул анир чимээгүй эргэн ирсэн боловч ойрын үед ингэж олонтой шуугилдаж, үгээр мэтгэлцэж, инээж хөхрөөгүйгээ хөхөрч шуугилдсан болохоор сэтгэл санаа нь нэг л уужуу баяр хөгжилтэй болж эдэн шиг ингээд олуулаа инээж хөхөрч шуугилдаж явах юмсан гэж бодов.
Хүү нь ч гэсэн тэр ах тэгж инээж, энэ ах уухдаа ингэсэн тэгсэн хэмээн өөрийн харсан ажигласныг эхдээ ярьж хоёул шоолохы нь шоолон, элэглэхий нь элэглэн хөхрөлдөж юм хумаа цэгцлэн байтал гаднаас Жигжид орж ирэв. Унтсандаа нүд нь хавдаж, царай нь хөрзийжээ. Жигжид Дэжид хоёр сургуульд нэг ангид сурч байсан хоёр. Харин Жигжид Дэжидийг сургуулиас гарахад үлдэн долоогоо төгсөөд мал малласан ажээ. Жигжид цэргээс ирээд нутгийн нэг хүүхэнтэй суун дөрвөн хүүхэдтэй айл болжээ. Дэжид Жигжидийг Багаа хөгшнийд согтоод ойччихсон гэдгий нь сая санан тэндээсээ мордоод явчихалгүй орж ирсэнд нь баярлан архи дарс гарган дайлахад Жигжид дотор муу гээд архи уусангүй, бантан хийлгэв. Энэ зуур тэр хоёр гэр орон нутаг бэлчээр аахар шаахар юм ярьсаар Дамба Дэжид хоёрын явдлын тухай ярианд шилжин Дэжид яагаад ч юм Жигжидэд санасан бодсоноо ний нуугүй яримаар санагдан анх яаж дуулсан, яаж хөөсөн, яаж дархныхаа багаж хэрэгслийг аваад явчихсан зэргийг нэгд нэггүй тоочин хүүхэдтэй хоцорсоноо хүртэл ярьжээ. Жигжид ч Тогоохүүгийн тухай мэдэх бүхнээ ярьж шөнө хугаслаад Дэжид хүүхдээ авч өвөртлөн хүүгийнхээ орон дээр ор засч өглөө. Орондоо орцгоосон хойноо ч Дэжид Дамбын хэрхэн хүлээсэн, ирвэл юу хэлэх байснаа хүртэл ярьсан бөгөөд Дэжидийн хувьд шөнөжин яриад суучихсан ч чадмаар санагдсан болов ч Жигжидийн нойр нь хүрсэн юм уу, сүүлдээ хаа нэг ааг гэхээс өөр юм ярихгүй болсонд Дэжид дуугүй болов. Энэ ярианд Дэжидийн сэтгэл хөдөлж нойр нь хулжин эргэж хөрвөн сэрвэлзэн байснаа таг унтжээ. Нэг сэрвэл хажууд нь хүн хэвтчихсэн мөрнөөс нь татаад байгаа юм шиг санагдахад дотор нь зарсхийн цочин өндийвөл Жигжид хэдийн өвөрт нь орчихсон хажууд нь хэвтэж байлаа. Тэрхэн хооронд яах ч учраа олоогүй Дэжид,
--Чи чинь одоо яаж байгаа юм, яв. Орон дээрээ очиж унт гэхэд Жигжид,
--Чи бид хоёрыг хэн мэддэг юм дээ хэмээн хоолой чичигнүүлэн амьсгал давхцуулан шивнэв. Тэрхэн мөчид Дэжидийн толгой руу «Тэртэй тэргүй би Дамбад хэрэггүй юм чинь яасан ч яадаг юм. Одоо би хэнд гэж үнэнч явах юм бэ? Гэсэн бодол орж ирэхэд Жигжидийг түлхэж байсан гар нь өөрийн эрхгүй суларч, ийнхүү гар хөл нь сулрах тусам, Харин ч энэ явдал Дамбын чихэнд хүрээсэй. Намайг хүн тоож татдаг юм байна гэдгийг мэдэг, гэж бодсон хэр нь «чи чинь яаж байгаа юм бэ? яаж болдог юм бэ? Хэмээн уруул өмөлзүүлэн өгүүлсээр байлаа. Яачихаваа би чинь? Юү хийчихэвээ гэсэн гутралыг нь Жигжидийн хурхирах чимээ улам ч ихэсгэж улам ч ой гутам санагдсан Дэжид өндийн түүний мөрнөөс татан «Хөөш босооч» хэмээн дуудав. Жигжид сэрсэн боловч түүний үгийг огт тоосон шинжгүй буруу харан унтахаар завдахад нь Дэжидийн уур улам хүрч,
Чи миний зовлонгоор тоглож ханаагүй юү гээд хар хүчээрээ түлхсэнд санаандгүй байсан Жигжид орны урд пидхийн ойчив. Дэжид ч ухасхийн босч дээлээ ханцуйлан лаагаа асаалаа. Жигжид босч гуйвсаар ор руугаа явав. Дэжид өч төчнөөн муу муухайгаар харааж, доромжилмоор санагдсан боловч уур гоморхолдоо багтран ганц ч үг хэлж чадсангүй. Жигжид орондоо орон цааш харан хэвтээд өгөв. Дэжид орон дээрээ суун чимээгүйхэн уйллаа. Нөхөр ханьгүйн зовлон ингээд л ирдэг юм байна. Хэрвээ Дамбыг байсан бол юу гэж ингэх вэ. Хэн зүрхлэх юм? Ийм явдал боллоо гэхэд маргааш нь уйлж унжиж байгаад л ярина шүү дээ. Маргааш би хэнд ярих юм? Хэн намайг өмөөрөх юм? Хэн? Өмөөрөх хүнгүй ч байлаа гэсэн хэн дуртай нь намайг эдэлж байх ёстой юм уу? Хэн дайралдсанд нь доромжлуулж явах юм гэж ? Цаашдаа дандаа ингэж доромжлуулж байх уу? Доромжлуулчихаад зүгээр байх ёстой юм уу гэж бодохоос уур нь хүрэн шийдмэг гэгч босч Жигжидийн дэргэд очин хучлагы нь хуу татан:
--Яв чи. Зайл. Одоохон миний нүднээс далд ор. Чи юу гэж бодоов? Дуртай цагтаа ирээд ноолж байх хүнтэй боллоо гэж бодож байна уу. Тэгэх байлгүй. Хагсаж үхсэн ч чамтай унтахгүй мэдэв үү. Яасан бузар амьтан бэ гэж уурлах, уйлах хослон хашгичин Жигжид хар цагаан дуугүй хувцас хунараа хам хум өмсөөд гарч одов. Дэжид уурлан уйлж загнасандаа дотор нь овоо онгойжээ. Хүү нь тайвнаар хөнжлөө тийччихсэн унтана. Жигжид төдөлгүй мордон аажуухан алхуулсаар чимээ тасрав. Дэжидэд гэнэт мөнөөх арав гаруй хоногийн өмнө орхигдсон бодол нь эргэн орж ирэв. «Заавал явна. Ингэж согтуу хөлчүү амьтанд дарлуулж байсанд орвол эзгүй говьд хэд хоног ч атугай санаа амар явж байсан минь дээр» гэж боджээ.
Дөнгөж нүүлгэж буулгачихаад мордсонд нь Дэжид дурамжхан хоцров гэдгийг Дамба мэдсэн боловч явахаас өөр арга түүнд байсангүй. Удахгүй нүүнэ гэж Тогоохүүд хэлсэн нь бодогдон хонуут өнжүүд алга болчихтой зэрэг ер юу бодож байгаа бол, Дэжид рүүгээ эргэчихсэн юм болов уу гэж санаа нь зовж байгаа байх даа гэж бодохоос улам ч яарчээ. Нөгөө гэвэл нүүхийн урьд шөнийн явдлаас болоод тэр үү, Дэжидийг харахаас өрөвдөх сэтгэл төрөн, ийм амьтны чинь орхичихоод цаашдаа яаж амьдар гэх юм, надаас өөр хэн энэнд хань болох юм. Юу ч болдог болсон дэргэд нь явж байгаад насыг барья, энэний л сэтгэл түвшин явбал би яах вэ гэсэн бодол төрөн, энэхүү бодлоо эрэгцүүлэн бодохоор удах тусмаа энэ бодол нь тамиржин, энэн дээр Дэжид уйлаад гуйчих юм бол үнэхээр тийм явдалд хүргэчих юм шиг санагдсанд гэнэт энэ бодлоосоо айх, элдвийн өрөвчхөн сэтгэл төрөхөөс өмнө явчихъя гэж боджээ. Дамбыг мордоход Дэжид юу ч хэлсэнгүй. Дамба ч нүүр өөд нь зүрхлэн хэрж чадсангүй. Хүү нь гэрийн хаяа налан хойноос нь харсаар хоцорчээ. Энэ удаа түрүүчийн богц тохоод мордож байснаас нь илүү хэцүү байлаа. Одоо л эхнэр хүүхдээ бүлтэгнүүлэн орхиж байгаа юм шиг бодогдон үг ч хэлээгүй, нулимс ч унагаахгүй хэрнээ хүү эхнэр хоёр нь дээл хувцасных нь хормой, мориных нь дэл сүүлнээс чаргууцалдан зууралдаж эргээд очдог ч юм билүү гэхээр Тогоохүү араар нь сундлан, нүцгэн гараараа морий нь гуядан буй мэт санагдахад хагацах нь ч зовлон, учрах нь ч зовлон аль аль нь шаналал мэт бодогдон баахан гэлдэрчээ. Түүнийг очиход Тогоохүү санаанд оромгүй баярлан угтсанд ирэхгүй тэндээ үлдчихсэн бол энэ бүсгүй яаж зовж, шаналж, тарчлах байсан бол гэж бодохоос Тогоохүүгийн зовлонгийн дэргэд Дэжидийнх юу ч биш юм шиг Дамбад санагджээ. Тэр шөнө Тогоохүү «Чи лав үнэмшихгүй байх. Би чамайг ямар их санасан гээ. Ганцхан хоноход ингэтлээ санах гэж баймгүй юм даа гэж бодсон хэр нь болоогүй. Санан гэдэг олон цөөн хонохоос шалтгаалдаггүй байхаа. Өглөө сэрчихээд л өнөө шөнө дахиад ирэхгүй бол яана даа гэж бодохоос цай ч уух дургүй хүрч байсан. Хэрвээ чамайг өнөө шөнө ирээгүй бол би яах байсан болоо, аягүй бол ичихгүй хүрээд очих байсан болов уу. Намайг нэг л хачин байсан болохоор тэгсэн үү, ээж ч гэсэн зөөлөрч гарч ороод л намайг ийм тийм юм хий ч гэхгүй байсан» гэхчлэн эзгүйд нь юу бодсон санаснаа ярьсан хэр нь урьд шөнө Дэжидтэй унтсан уу, хүүгээ өвөртөлж унтсан уу гэдгийг асуух гэснээ Дэжидтэй унтсан гэвэл яана гэхээс асууж зүрхлэхгүй байгаа нь түүний нүд, уруул, хөдлөх хөдөлгөөнд нь ил байсанд Дамба хаа унтсан, юу болсон, ямаршүү юм бодож яарснаа бүгдийг нэгд нэггүй ярьжээ. Дамба үүнийг зөвхөн Тогоохүүгийн сэтгэлийг засах гэсэндээ ярьсангүй. Ер нь л яримаар санагдсандаа ярьсан бөгөөд ярьсан хойноо өөрөө ч гайхахад хүрэв. Урьд өмнө нь энэ мэт аар саар явдлыг ярих нь бүү хэл юу бодож санаж явдгаа ч Дэжидэд ярьж яваагүй, Дэжид ч түүнд энэ мэтийг ярьдаггүй байсан юм уу, эсвэл ярьсан ч анзаардаггүй байсан юм уу санаанд нь үлдсэн юм үгүй байв. Ер нь Дамба санасан бодсоноо хүнд ингэтлээ дэлгэж явсан нь ховор. Харин Тогоохүүд л хамаг юмаа ярихсан, энэ тэрийг зөвлөхсөн гэж боддог болжээ. Зөвлөхөөс ч аргагүй үе гардаг байлаа.
Урьд нь нүүх суух, арилжаа наймаа алив бүхнийг толгой мэдэн шийдэж явахдаа энэ юу гэх бол, тэр юу гэх бол гэж нэгээхэн ч бодож явсангүй. Гэтэл одоо юухныг ч ганцаар шийдэхээсээ эргэлзэн ингэчихээр хоёр хөгшний сэтгэл санаанд таардаг болов уу, үгүй болов уу. Тогоохүү юу гэх бол гэсэн бодол төрөн яахав, ийхэв хэмээн Дэлэг өвгөнөөс асуух боловч цаадах нь Дамбын ажил хөдөлмөрт няхуур сүрхийг нь анзаарч «Харин яамаар юм дээ» гэж өөдөөс нь асууна. Ийм үед Дамба Тогоохүүтэй зөвлөе асууя гэлтэй ч биш бодсоноороо шийдэн ингэж шийдсэнийхээ дараа энэ маань зөв болов уу, буруу болов уу гэхээсээ тэдний сэтгэлд нийцээ болов уу яагаа бол гэж зовнин, энэ бүх өөрийнхөө төлөө бус ямагт бусдын төлөө, бусдад хийж байгаа ажил мэт сэтгэлээс нь нэг л хөндий санагдан, аливт хүний ам харж явах амаргүй юм даа ч гэж заримдаа бодох авч тэр өөрсдөө шийдчихэж чадахгүйдээ ч бус Дамбад өөриймсөг хандаж байгаадаа, Дамбыг хүндэтгэсэндээ тэгж байна гэдгийг ухаарч түүний нь ухаарах тусмаа буруу зөрүү шийдчихгүй юмсан гэж мэрийн, сэтгэлд нь юм хийчихгүй юмсан гэж боддог байлаа. Энэ бодлоосоо үүдэн тэдний сэтгэлд нийцсэн эсэхий нь мэдэх гэж Тогоохүүгээс битүүхэн тамдах, энэ тэр мэдэхгүйгээ асуух, яах вэ, ийх вэ гэж болжээ. Тогоохүү ч Дамбын энэ байдалд дуртайгаар үл барам ялангуяа Дэжидийн тухай бодсон санаснаа ний нуугүй ярьсанд нь баярлан өөрөө ч тэр тухай юу бодож санаж явдгаа ярихсан хэлэхсэн гэх авч тэр тухай Дамба хөндөж ярьдаггүй байсан болохоор хий л дотроо бодож явдаг байсан нь эл яриагаар задарч «Чамайг би давхиж очоод аваад ирээгүй ч гэсэн яагаад ч юм Дэжидийн өмнө би буруутай юм шиг санадаг. Эхний үед Дэжид гэнэт давхиад ирвэл яана гэж бодохоос хүний юм хулгайлчихсан хүн шиг айдас хүрэн тэр зүгээс морьтой хүний бараа харагдахтай зэрэг дотор зарсхийгээд явчихдаг байсан. Хүн ер нь айснаас л элдвийн муу юм боддог байх. Чамайг ч гэсэн буцаад явчих вий гэж айдаг. Буцаад явчихвал хойноос нь очоод эргүүлээд аваад ирэх эрх байхгүй шүү дээ гэж бодохоос миний гол харладаг юм. Тэр мэрнээсээ ч болдог юм уу, би чамайг малд явуулах ч дургүй. Эзгүй хээр ганцаар яваа хүн юу эс бодох вэ, элдэв юм санаанд нь орохыг хэн байг гэх вэ гэж бодогдоод хамт байгаад байвал сэтгэл амар санагддаг. Царай зүсээ харалцаад суугаа юм чинь яалаа гэж элдвийн юм бодох вэ. Би л чадахгүй. Хүний дэргэд байж байгаад тэр хүний тухай ч юм уу, аль эсвэл ямар нэгэн юм бодоод түүнээ хэлэхгүй байя гэхэд болохгүй. Тэр хүн царайг минь хараад л юу бодож байгааг минь мэдчих юм шиг санагддаг. Дамаан чамаас бол би бодлоо нууж чаддаггүй юм байна лээ. Чи дорхноо л мэдчих шиг болдог. Заримдаа би тэднийгээ эргэчихээд ир гэж хэлье гэж санасан хэр нь ирэхгүй болчих юм биш байгаа гэж бодогдоод хэлж зүрхэлдэггүй юм. Буруу гэж мэдсээр хэрнээ би чамайг очоод байгаасай гэж боддоггүй ээ. Яагаад ч юм би Дэжидийг надаас бүхий л талаараа илүү байх гэж санадаг. Тийм болохоороо л айдаг байх» гээд гэнэт дуугүй болон Дамбыг мэлийтэл ширтдэг байв.
--Яав гэж Дамбыг асуухаар Тогоохүү:
--Их ярих дэмий байна. Би дэндүү чалчаа, тийм биз?
--Зүгээр.
--Үгүй зүгээр биш. Сүүлдээ ярих юмгүй болчихвол яана.
--Ярих юмгүй болох гэж яаж байх вэ дээ.
--Гэлээ ч гэсэн бага ярих нь л дээр. Тогоруу хоорондоо бараг дуугардаггүй. Тийм болоод л насаараа хамт явдаг байх.
--Ярьдаг байлгүй. Нэг нь зогсчихсон, нөгөө нь тойроод л тонголзоод л далавчаа дэрвэлзүүлээд л чухам юу гэгч болж байгаа юм бэ, бүү мэд, жигтэйхэн л юм болдог шүү дээ. Тэгэхдээ бидэнд дуулдахааргүй шивнэлддэг ч юм билүү, хүн ямар ойртуулах биш. Тэгээд ч ярьснаас биш ярьдаггүйгээс, ярихаа больчихсоноос л хамаг хэрэг үүддэг байх шүү.
--Би ч ярихгүй байж чадахгүй л дээ. Гэхдээ би заримдаа тэгж боддог юм.
--Ярьсан нь л дээр.
--Чамд сонирхолгүй санагдвал яах вэ?
--Өөр юм ярь гэхгүй юу.
--Яриад ч залхуутай байвал яах вэ?
--Дуугүй бай гэхгүй юү.
--Чи тэгж хэлэх үү?
--Хэлнэ.
--Хэлээрэй, за юу?
--За.
--Ер нь миний хийсэн хэлсэн ямар нэгэн юм сэтгэлд чинь хүрэхгүй бол чи ззаавал хэлж байгаарай.
--За.
--Би ч бас чамд хэлж байна гээд Тогоохүү түр азнаснаа,
--Би чамаас нэг юм асуух уу гэв. Дамба түүн рүү харснаа,
--Тэг, тэг гэв. Тогоохүү түүний харцнаас дальдран түүний цээжинд нүүрээ наан:
--Больё, яах юм, тэртэй тэргүй мэдэх юм чинь гээд дуугүй болов. Дамба юү вэ, хэл барь ч гэж шавдуулсангүй. Толгойг нь энхрийгээр илнэ. Энэ нь чи Дэжидэд хайртай байсан уу гэнэн асуулт болохыг Дамба Тогоохүүг <Дэжид!> гээд дуудчихсан юм байжээ. Энэ асуултанд өөрөө ч юү гэж хариулахаа үл мэднэ. Цэргээс дөнгөж халагдаж ирээд байхад нь Дамбад нутгийн бүсгүйчүүлийн дотроос Дэжид сайхан харагдаагүй гэж үү. Үеийнхээ залуусыг < Хорлоо чамд их л сайн юм билээ.Хороотой суучихаач Сайхан хүүхэн шүү дээ.> гэхий нь ч тоолгүй Дэжид рүү тэмүүлсээр байгаад суучихаагүй гэж үү. Эцэг эхээс орон гэр, мал хөрөнгө тусгаарлан хийх бүтээх, санах хүсэх, баярлах цэнгэх цөм өөрсдийн дур хүслээр болж ирсэн айл гэрийн анхны амьдрал жаргалтай байгаагүй гэж үү. Цаанаа хүлээсэн хүнтэй юм биш байгаа. Намайг тоохгүй юм биш байгаа гэж түүнийг түгшүүлж явсан хэнз ногоо шиг нялх залуу байсан бүсгүй Дэжид биш гэж үү хэмээн бодоход «хайргүй байсан» гэж Дамба хэлж чадахгүй санагдана. Гэтэл одоо яагаад... энэ болов? Тэр анхны хайр хайчив? Ерөөс хайр сэтгэл гэгч он цагтай цуг оддог юмсанж уу. Сэтгэл хувирна гэгч нь энэ үү? Дэжид анх учирч, Дэжидийг хайрлаж байсан тэр хайр энэ мөн гэж үү? Гэж бодохоор яагаад өөр тус тусдаа онд ондоо санагдана вэ гэдэгтээ ч хариу бас үл олох тул энэ мэт юм битгий асуугаасай гэж бодов. Үнэн чанартаа энэ асуултын цаана Тогоохүүгийн асуухсан гэж бодож явдаг «Надад хайртай юү»гэсэн асуулт байгаа гэдгийг Дамба гадарлаж байлаа. Гэвч Тогоохүү асуусангүй. Шинэ нутагт буумагц Дэлэг өвгөн илүү гэрийнхээ юмыг гадаа хураан дотор нь хоёр хөгшин ор дэвсгэр, авдар сав, зуух яндан тавин нэг ёсондоо хоёр хөгшин, Дамба Тогоохүү хоёроос туурга тусгаарлажээ. Энэ нь Дамба Тогоохүү хоёрт юүхнийг ч орондоо орцгоосон хойноо шивнэлдэх гэхгүй, хэзээ дуртай цагтаа ярьж хөөрч инээж хөхрөхөд таатай болсон боловч Тогоохүү мөнөөхөө дахин асуусан ч үгүй өнгөрчээ. Нүүдлээр тархи толгойноосоо хурц наранд шарагдаад ч тэр үү Бумбаа хөгшний хууч хөдлөн хэвтсэн тул Дамба эм авахаар сум нэгдлийн төв орохдоо Багаа өвгөнтэй дайралдан тэндээс хүүдээ тонгорог худалдан авч өгчилгөөд яаран эргэж ирвэл гурав хоногийн дараа хадланд яв гэсэн зар бригадын төвөөс ирсэн байлаа. Хуучин бригадаасаа Тогоохүүгийн бригадад шилжээгүй тул явахаас өөр аргагүй болж хоол унд, хадуур хуурай бэлтгэхээс эхлээд ойр зуурын ажил дороосоо ундран, чөдөр ногт зангидан суух зав гарсангүйд хэрэггүй л дархныхаа багажийг авчирлаа. Ядаж хэлээгүй аваад ирсэн хэмээн сэтгэл зовних боловч яах ч арга Дамбад олдсонгүй. Зүй нь өглөө давхиж оччихоод учир явдлаа ярин сэтгэлийнх нь сэвийг арилгачихаад орой давхиад ирж болмоор бодогдовч дөнгөж саяхан эргэж ирчихээд бас дахиад явна гэхээр Тогоохүүгийн сэтгэлд юм хийчих болов уу гэж бодно. Тэгээд ч олон хоногоор эзгүй явах гэж байгаа болохоор Тогоохүү аль болохоор хамт байхсан гээд байгаагаас гадна хадланд явах хүмүүсийн нэрс дотор Хорлоогийн нэр байгаа явдал битүүхэн хардах сэтгэх Тогоохүүд төрж байна гэдгийг Дамба мэджээ. Уг нь Хорлоо Дамбыг хүлээгээд хүнтэй суудаггүй юм гэнэлээ гэсэн дэл сул яриа тарчихсанаас биш Дамба Хорлоотой сэтгэл ярьж явсан нь үгүй ажээ. Энийг л Дамба Тогоохүүд ярьсан байжээ. Хорлоо Дамбад сайн гэдэг нь үнэн билээ. Бүр дунд сургуульд байхаасаа Дамбад сайн байсан бөгөөд цэрэгт байхад нь эгэл жирийн хэрнээ хүсэн хүлээдгээ битүүхэн цухалзуулсан захиа бичдэг байжээ. Дамба хоёр гурван захиа авсны эцэст ажил сурлага, нутгийн цэргүүд хэн хаана байгаа зэргийг товч тоочсон хариу өгдөг байлаа. Хорлоо түүний байдлыг мэддэг хэр нь сэтгэлээ татаж авч чадсангүй. Цэргээс ирсэн хойно ч гэсэн түүнийг битүүхэн харуулдан, уулзаж учрахыг эрэлхийлэх болсон учир Дамба түүнээс битүүхэн зугтаан дайралдахгүйг хичээн, заримдаа ч надад найдаж хүлээж суухын хэрэггүй гэдгээ ний нуугүй хэлмээр санагдавч Хорлоогийн хайр гуйсан харц, бусадтай зүгээр ярьж хөөрч байснаа Дамбатай уулзахаараа царай нь час улайн үгээ олж хэлж чадахгүй ээрэн арчаагүй бүрэг дорой болчихдогий нь бодохоос өрөвдөн нүүр өөд нь эгцлэн харахаас ч халширдаг байжээ. Тэгээд ч удалгүй Дэжидтэй суун, энэ бүхнийг мартагнасан хэр нь одоо хүртэл хүнтэй суугаагүй яваагий нь дуулах бүр буруутан нь өөрөө юм шиг санагдан зовсон цагт нь тус болж явах юмсан даа хөөрхий гэж бодох боловч түүний тусыг Хорлоо ч бусад хүмүүс ч буруугаар ухаж мэдэх тул яаж ч чадахгүй гагцхүү хол явахыг эрмэлздэг байв. Дамбын энэ байдлыг мэдэх зарим залуус «Дүүрчихсэн эр юм даа, хэд хоног ашиглаж байгаад хаячихгүй» гэдэг байлаа. Ийм үг сонсохоороо Дамба дотроо Хорлоог өмөөрч, тэдэнд ундууцан цухалдахдаа «тэгээд байвал бүр суучихалтай нь билээ» гэж хүртэл бодох боловч яагаад ч суухгүй гэдгээ мэдрэн тэрхүү бодлынхоо ямар өнгөц, хуурамч болохыг зөвхөн тэр шалдир балдир залуусын үгийн өшөө төдий бодол болохыг ухаарна. Заримдаа ч Хорлоод уур нь хүрдэг байлаа. Ялангуяа Дэжид рүү тэмүүлж явах үедээ Хорлоогийн тухай элдэв юм дуулчих вий гэж бодохоос сэтгэл түгшин, Дэжидийн найз хүүхэн Дулам дайралдан «Хорлоо Дэжид хоёрыг мөргөлдүүлчихэв дээ» гэж их л ёозгүй хэлэхэд нь иш үндэсгүйг ярьж буй тэр хүүхэнд бус «Би Дамбатай явдаг» энэ тэр гэж амьтанд зарлаад явдаг юм уу хаашаа юм гэж Хорлоод уур нь хүрч давхиж очоод уур омго дарагдтал хэрэлдмээр бодогдож байжээ.
Харин Дэжид Хорлоогийн явдлын үнэн мөнийг ойлгосон ч юм уу, тоосонгүй ч юм уу тэр тухай юү ч болсонгүй өнгөрсөнд Дамба ч төдөлгүй Хорлоог мартжээ. Тэр цагаас хойш Дамба Хорлоогийн өөртөө сайныг мартсан мэт дайралдсан үедээ мэнд ус мэдэн, хэнтэй ч ярьдаг хөөрдгөөрөө хэд гурван үг солин, Хорлоогийн харц, үг яриаг ч анзаарахаа больсоор өдийг хүрсэн бөгөөд энэ удаа Тогоохүү эртний явдлын үүх түүхийг мэддэг хүний өнгөөр Хорлоогийн нэр байна лээ гээд түүн хүү жоготой харсан нь энэ бүгдийг Дамбад эргэн санахад хүргэж тэр бүгдийг Тогоохүүд ярья гэж бодсон боловч ярих далим гарсангүй байсаар Дамба хадланд морджээ.
«Нөгөөдөр бид хоёр хонио туугаад говь явна. Тэнгэр тогтуун байвал хэд хонохыг бодно. Та хоёр үнээ малаа саагаад зав зай гарвал ганц хоёр шуудай таана түүнэ биз» гэсэн Дэжидийн шийдэмгий үгийг дуулаад Багаа өвгөн жаахан дуугүй сууснаа «Малаа бодвол буруу нь юү байхав. Болохгүй нь ч юү байхав. Гэлээ гэхэд ... үгүй тэгээд санаанд чинь багтаж байгаагаас хойш бид хоёр юү хэлэхэв. Ойр зуур болох бүтэхээр нь таана хөмүүл гоочлон, өвөлжөө бууцаа додомдосхийгээд л байж байхаас. Юмыг яаж мэдэхэв, хэрэг болж юуны магад, миний муу халийбрийг аваад яваарай» гэснээс ондоо юм хэлсэнгүй. Тэгээд явах өдөр нь эртлэн босч юм хумнаас нь төхөөрөлцөн тэмээгий нь хомнолцож тогоо шанага, майхан сэлтий нь ачилцаж өгөхөөр хөгшинтэйгээ хоёул иржээ. Айлын хоёр хөгшний энэ байдалд Дэжид нэг талаараа баярлан нөгөө талаар авч явах юман дотор нь боодолтой яваа хүрэл гөрөөсийг анзаарчих вий гэхээс яс нь хавталзан хурдхан ачаалаад хөдлөхийн түүс болсон боловч тэд огт анзаарсангүй хоцорчээ. Оторт гарсан эхний хоёр өдөр Дэжидийн сэтгэл ойрын мөд байгаагүй гоц гойд шинэ сэргэг баясал дүүрэн байлаа. Хэн хүний шийдсэнийг бус хэрхэх, яахаа өөрөө шийдсэний урам, санасан бодсон нь хэний ч дургүйцэлтэй тулгаралгүй хүссэнчлэн бүтсэний баяр, цаашид ч энэ хот айлын ажил үйлс гагцхүү түүний хүсэл зоригийн хэрэг бөгөөд Дэжидийн ярьсан, хэлснээс зөрөх хүн үгүйг мэдрэн ахин дахин захирахын хүслэн, амьдралын учир утга бүхний гогцоог атгачихсан мэт санагдахын омог энэ бүхэн түүний сэтгэлийг урьд урьдынхаас өөр, илүү баян тансаг болгон, улмаар энэ хязгаар хярхаггүй хөх тэнгэр, эл хул их говь сая живаа хорхой шавьжны дэргэд өдрийн од шиг цөөхөн хүмүүс хичнээн насална гэж бие биедээ хар буруу санаж, бие биеэ муучилж явах юм даа гэж бодон «Өөрт нь жаргалтай л бол болоо» хэмээн Дамбыг цагаатгаж, «хөөрхийг харанхуй шөнө харааж зүхэн юунд ч хөөв дөө» хэмээн Жигжидийг өршөөх сэтгэл төрөн энэхүү сэтгэлээс нь бас өөр сэтгэл ундран, өдий наслахдаа ер хэнийг гомдоож л явснаас ач болсон нь үгүй мэт санагдана. Ялангуяа Нацаг гэгч хазгар залууг хүүхэд ахуй цагтаа насан турш нь мартахааргүй гомдоосон мэт санагдан, тэр цагийн явдлыг өчигдрийнх лугаа ижил тов тод санав.
Тэгэхэд тэд зургадугаар ангийн сурагчид байжээ. Нацаг Дэжидийн зэргэлдээ ангид сурдаг, завсарлагаа бүхнээр хаа нэг газраас ширтэж байдаг, түүний нь ч үеийнх нь охид анзаарчихсан, холбож шоолдог, тэрэнд нь ангийнхаа тоонд сайн юм уу, биеийн тамирт тэргүүн хөвгүүдтэй нэр холбогдохсон гэж хүсч явдаг Дэжид дургүйцэн Нацагийг үзэн ядаж ичиж зугатаадаг байжээ. Нэг өдөр Дэжидийг ганцаараа явж байтал гэнэт урдаас нь замы нь отон зогсож байсан Нацаг гарч ирсэнд Дэжид давхийн цочиж, тэр уурандаа ч тэрүү Нацагийн өгсөн бичгийг авч ураад нүүр өөд нь цацчихаад гүйгээд явчихжээ. Түүнээс хойш Нацаг ч Дэжидийг энд тэнд амдах, завсарлагаа бүхнээр ширтэх нь үгүй болж, голцуу хаа нэг мухрын цонхон дээр цааш харан зогсох юм уу, Дэжидийн явдаг замаас холуур улам ч хазгар болчихсон юм шиг хазганан яваа нь харагддаг байлаа. Дэжид ч өөрийн хийснийг зөвтэйд тооцон Нацагтай холбож шоологдох ичгэвтэр юмнаас ангижирсандаа санаа нь амран төдөлгүй Нацаг хаагуур юу хийж явдаг, сүүлдээ юу болсныг мэдсэнгүй. Нэг үгээр хэлэхэд Дэжид орчлон дээр тийм хүн байгаа эсэхийг ч мартжээ. Гэтэл гэв гэнэт эзгүй говьд өөдөөс нь дөрөв нугалсан бичиг сарвайж байгаа Нацаг, нүдний нь өмнө цас шиг бутарч байгаа цаасны өөдсүүд түүнийг дагуулан ширтсээр хэрхэн газар унахы нь харан зогсох Нацагийн харц санаанд нь урган, цас малгайлан хаялах бүрт анхны хайрын зурвасаа уруулсан тэр өдөр нь гашуунаар дурсагддаг байх даа гэж бодохоос хүний үрийг хэрхэн гомдоосондоо одоо мэдрэн, эхнэр хүүхэдгүй явдаг бол гуйж байгаад ч болсон хань ижил нь болж хазгар доголонгий нь марттал жаргаах юмсан гэж бодсоноо түүнээсээ даамжран тэгвэл хүн юу гэх бол, мэдээжийн хэрэг Нацагийг өрөвдөөд суучихаж гэхгүй «Шалдаа бууж л гэнэ». Үгүй яадаг юм тэгэх тусам нь суучихаад хоорондоо атаархмаар сайн байх юмсан. Тэгвэл Дамба яах бол гэсэн бодолдоо хариу үл олох бөгөөд цаашдаа хэн нэгэн хүнтэй сууж, түүнээ Дамбаас илүү сайн болчих тийм цаг ирвэл яана гэж бодохоос айх ч шиг ичих ч шиг санагдан бушуухан өөр зүйл бодохыг тэр дундаа Дамбын тухай аль болохоор бодохгүйг хичээн, хүнд хэлэх нь бүү хэл, өөрөө ч ичихээр хүсэгдэж байгаа нууц хүсэл энхрийллээ дарж ядахдаа гэдсэндээ тээж яваа хүүхдээ хурдхан гараасай, цээжээ тэнийтэл үнсэж энхрийлэх юмсан. «Одоо ч бид хоёр нэг охинтой бол болоо» гэж нэгэн цагт хэлж байсан Дамбын үгний хариу болж охин төрөөсэй. Тэгээд бас хясаатай юм шиг Тогоохүүгээс хүүхэд гарахгүй байгаад байгаасай. Тэгвэл Дамба яах бол» гэж дахиад л бодно. Ер нь Дамбын тухай аливаа бодол яван явсаар «Дамба одоо Тогоохүүг тэврээд хэвтэж байгаа шүү дээ» гэдэгт хүрч гол нь харлан хоолой нь зангирдаг байлаа. Харин бараг бүх эрчүүл хадланд явж байгаа болохоор Дамба ч мөн зайлшгүй хадланд яваад эзгүй байгаа гэдэгт санаа нь амарсан юм уу, эсвэл ерөөс сүүлийн энэ өдрүүдэд түүний сэтгэл санаа өөрчлөгдөөд тэр үү. Дамбаас салаад өч төчнөөн жил болчихсон юм шиг Дамбад гомдож байсан гомдол уур, цөм үгүй болж, болбол яаж ийгээд тус болж явах юмсан, хүүгий нь үе үе уулзуулж байх юмсан гэж бодох болж, «Энэ гөрөөсийг би яахин авчирав аа. Эзгүй хойгуур ирээд авбал авна л биз», Дамба мэдчихвэл муухай л юм болж байгаа юм гэхчлэн уужуу саруул юм бодогдоно. Хүү нь ч гэсэн эхний хоёр өдөр, гүйж харайж, инээж хөхөрч энэ тэр амьтан ургамал сонирхон, шүд амаа хөхөрч харлатлаа хармаг идэн маргааш л отроос буцчих гэж байгаа юм шиг хоёулаа олон хононо шүү хэмээнэ. Сүүлийн үед дуу нь цөөрч, энэ тэр юм гөлрөн, олигтой тоглож наадах ч үгүй болжсав л хийвэл тоглоом наадам, гүрвүүл хөөцөлдөн, бүрэнхий болмогц хоол ч идэлгүй унтчихдаг болжээ. Энэ байдал Дэжидийн сэтгэлийг улам ч амар тайван болгож, алсын уул дэргэдэх бут сондуул, өвс ногоо, алаг эрээн чулууг харахад танигдашгүй нууцыг хадгалан анир чимээгүй хөдөлгөөнгүй байх авч дуугүй ширтээд байхаар тэрхүү нууцанд нь нэвтэрч, ухаарч байх мэт хачин сэтгэл төрөх бөгөөд чухам юу билээ хэмээхэд эргээд хэлж чадамгүй байх ажээ.
Ерөөс оторт гарсан тэр өдөр Дэжид урьд өмнө үзээгүй, дуулаагүй нэгэн шинэ ертөнцийн хаалгаар орсон мэт харагдах сонсогдох юмны өнгө дуу ч өөр, бодогдох санагдах юмны учир шалтаг ч өөр, давагдашгүй бэрх, тайлагдашгүй нууц гэж үгүй бөгөөд харин энэхүү өөр ертөнцийн хаалга зөвхөн түүнд ганцааранд нь нээгдсэн мэт санагдан, юм бүхэн сонин, сайхан гайхамшигтай мэт байснаа төдөлгүй тэрхүү ертөнц нь гачлантай эл хул тэвчиж үл барам уйтгартай болж ирэв. Гурав, дөрөв дэх хоногоос хүү нь ч гэсэн энэ тэрнийг сонирхохоо болин, үүргэлж морин дээрээсээ уначих гэж айлгах юм уу эсвэл ам цангалаа гэдэс өлслөө гэж буюу заримдаа харъя ээжээ, аягүй бол аав ирчихээд хүлээгээд байгаа гэдэг болов. Өөрөө ч хэрэггүй наашаа гарлаа, элдэв амь
|