#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.18 3:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Dec.09.17 11:54 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
энэ шилтгээнд цаг хугацаа зогсдог байх, эсвэл цаг гэж байдаг ч гүй байхаа, кино хийвэл ч тасарцан кино болох юм байна даа


Top
   
PostPosted: Dec.09.17 9:08 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 10

Тэд хичээлийн танхим хэмээх дотор нь хэдэн том ширээ тавьж урд нь самбар өлгөсөн, нэг ч цонхгүй нэг өрөөнд орлоо.
Аамир Алексыг хоосон ширээ рүү дагуулж очин суудал зааж өгөөд дэргэд нь суув. Харин Жари урд талын суудалд шигдлээ.
"Та хоёр нас чацуу биш мөртлөө нэг хичээлд хамт суудаг юм уу? гэж Алекс асуулаа.
Аамир уруулаа жимийлгэснээ "Энэ байж боломгүй юм шиг санагдаж байна уу?"
Жари тайлбарлаж өгөхөөр яриан дундуур оров. Тэр мөрөө хавчаад "Хичээлийн үеэр чи ид шидээ хянаж, сайжруулахад суралцана. Багш нар чамд хүч чадлаа зохицуулж ашиглах арга барилыг заана. Тэдний энэ талаар нуршиж ярихыг бид бараг бүтэн дөрвөн жилийн турш сонсох хэрэгтэй. Харин энэ хугацаанд бид нарийн мэргэжилд бие даан суралцаж, анги дэвших шалгалт өгөх зэрэгт биеэ дайчлах хэрэгтэй." гэж хэллээ.
"Шал дэмий чалчаа үг," гэж Аамир уцаарласан бололтой бувтнаснаа "Тэд бидэнд аль болох бага юм сургахыг хичээдэг гэж байгаа юм шиг сонсогдож байна." гэв.
"Гэхдээ хэн ч миний тогтоож чадсан хяналтын гайхалтай түвшинд хүрч чадаагүй," гэж Жари жаахан увайгүй ч гэмээр юм бодсон шинжгүй хэллээ.
Алекс хариу хэлэхээр зэхтэл хаалга онгойж Натали орж ирэх нь тэр.
Алекс Натали руу нүдээ бүлтийлгэн харав. Тэр саяхан угаасан бололтой гялтганаж харагдах үсээ сүлжиж мөрөө давуулан унжуулжээ. Наталитай хамт явсан хэдэн охидын нэг түүнийг өрөөний хойд хэсэг рүү дагуулж очив.
Алекс сэтгэл хөдлөлөө нуухыг ч оролдсонгүй Натали руу ухасxийн гүйж очлоо. Наталигийн дэргэд нөгөө ноорхой хувцастай хүн харагдсангүй, охины нүд гэрэлтэж байлаа.
"Алекс!" хэмээн Натали хүүг дэргэд нь хүрч ирэхэд амьсгаа давхцуулан хэлэв. "Алекс, чи бас энд байгаа юм уу? Гэхдээ яаж..." Тэрбээр ухасxийн Алексын хүзүүгээр нь тэвэрлээ. Дэргэд нь зогсож буй хэдэн охид хоорондоо шивнэлдэж эхлэв.
"Би чиний араас дагасан." гэж Алекс аяархан хэлээд охины мөрнөөс татаж өөртөө улам ойртууллаа. Тэрбээр чихэнд нь шивнэж эхлэхэд Натали үл мэдэг давхийн цочив. "Би муу юм болох вий гэхээс санаа их зовж байлаа. Чамайг дагуулж явсан нөгөө ноорхой хувцастай саарал эрэгтэй хүн чамайг өвтгөөгүй биз?"
Натали мэл гайхсан бололтой хөмсгөө өргөж толгойгоо үл мэдэг сэгсэрлээ. "Саарал ноорхой хувцастай эрэгтэй хүн гэнэ ээ? Үгүй, би ямар ч саарал хүн хараагүй. Бас би бэртэж гэмтээгүй. Гэхдээ Алекс, би эндээс явмаар байна!" Тэр сүүлчийн үгээ шивнэж хэлэхдээ Алексын гарыг хумсаа шигдтэл чанга атгав. Алекс Натали руу нүдээ бүлтийлгэн харав. Тэр саяхан угаасан бололтой гялтганаж харагдах үсээ сүлжиж мөрөө давуулан унжуулжээ. Наталитай хамт явсан хэдэн охидын нэг түүнийг өрөөний хойд хэсэг рүү дагуулж очив.
Алекс сэтгэл хөдлөлөө нуухыг ч оролдсонгүй Натали руу ухасxийн гүйж очлоо. Наталигийн дэргэд нөгөө ноорхой хувцастай хүн харагдсангүй, охины нүд гэрэлтэж байлаа.
"Алекс!" хэмээн Натали хүүг дэргэд нь хүрч ирэхэд амьсгалаа давхцуулан хэлэв. "Алекс, чи бас энд байгаа юм уу? Гэхдээ яаж..." Тэрбээр ухасxийн Алексын хүзүүгээр нь тэвэрлээ. Дэргэд нь зогсож буй хэдэн охид хоорондоо шивнэлдэж эхлэв.
"Би чиний араас дагасан." гэж Алекс аяархан хэлээд охины мөрнөөс татаж өөртөө улам ойртууллаа. Тэрбээр чихэнд нь шивнэж эхлэхэд Натали үл мэдэг давхийн цочив. "Би муу юм болох вий гэхээс санаа их зовж байлаа. Чамайг дагуулж явсан нөгөө саарал ноорхой хувцастай эрэгтэй хүн чамайг өвтгөөгүй биз?"
Натали мэл гайхсан бололтой хөмсгөө өргөж толгойгоо үл мэдэг сэгсэрлээ. "Саарал ноорхой хувцастай эрэгтэй хүн гэнэ ээ? Үгүй, ямар ч саарал хүн байгаагүй. Би бэртээгүй. Гэхдээ Алекс, би эндээс явмаар байна!" Тэр сүүлчийн үгээ шивнэж хэлэхдээ Алексын гарт хумсаа шигтгэн чанга атгав.
"Би ч гэсэн," хэмээн хариулсан хүү Натали одоо ч гэсэн саарал хүнийг хараагүй гэж хэлэхийг сонсоод бүр мэл гайхжээ. Магадгүй тэр Наталид нөлөөлсөн ид шидийг харсан юм болов уу? Гэхдээ л энэ тэр хүнийг Алекс яагаад харсныг тайлбарлаж чадахгүй байлаа. Алекс анхаарлаа яриандаа төвлөрүүлэв. "Бид гадаа гарах хэрэгтэй. Гэхдээ бид одоо ярилцаж чадахгүй. Хоёулаа сүүлд ярилцъя, тэгэх үү?"
Натали тэр хоёрын ойролцоо сууж буй сурагчид руу харснаа "Тэгье," гэж хариулав. Натали Алексын гараас хөтөлсөн хэвээрээ түүнийг дагаж тэднийг мэл гайхсан харцаар ширтэж суусан Аамир, Жари хоёрын дэргэд очлоо. Охин тэднийг сониучирхсан харцаар хараад бага зэрэг эргэлзсэн байртай өөрийгөө танилцуулав.
"Та хоёр бие биенийгээ таньдаг гэж би ойлгож болох уу?" гэж Аамир асууснаа охиныг ажиглаж харлаа.
"Тийм ээ," гэж Алекс дуугаа намсгаж хариулахад
"Бид нэг сургуульд сурж байсан," хэмээн Натали нэмж хэлэв.
Аамир тэр хоёрыг ээлжилж харснаа "Энэ их ховор тохиолдол," гэлээ. Натали ингэж хэлэх хэрэгтэй байсан эсэхийг Алекс мэдсэнгүй.
Аамир бүрэн товчилж өмссөн хүрэмнийхээ хаа нэгтэйгээс дэвтэр, бэхийн сав, бас гурван ном гаргаж ирэхийг Натали харлаа.
"Энэ бол илбэ," гэж тэрбээр мэдэмхийрэн Алекст хандаж хэлэхэд хүү сулхан инээмсэглэх аядлаа. Охин одоо ч гэсэн төөрөгдлөөсөө гараагүй байгаа нь тодорхой болов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.10.17 3:36 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэгтэл хаалга онгойж нарийн хүрээтэй шүдний шил зүүсэн, бөгтөр нуруутай, зэгс шиг туранхай хүн хөлөө чирсээр орж ирлээ. Тэр хүн нэг сугандаа цааснууд хавчуулж, харин нөгөө гартаа дотор нь олон гэрэлт цох хийсэн шилэн сав барьжээ. Анги тэр дороо чимээгүй боллоо. Ширээ рүүгээ алхаж яваа тэр хүнийг сониучирхан харж суусан Алекс түүнийг багш гэж таамаглав.
Oдоо дэргэд нь Натали байгаа учир сэтгэл нь бага ч гэсэн хөнгөрчээ. Алекс өчигдөр орой төлөвлөж байсныхаа дагуу эхний алxмаа хийчихсэн.
Дотогшоо орж Наталийг олох.
Харин дараагийн алхам бол: эндээс явах.
Магадгүй энэ багш түүнд шилтгээн болон энд амьдардаг хүмүүсийн эзэмшсэн тэр хүч чадлыг давж гарахад нь тусалж мэдэх юм.
Багш гэнэт бүдэрч нүүрээрээ харуулдаж уналаа. Ямартай ч тэр гэрэлт цох хийсэн шилэн саваа шалан дээр унахаас өмнө барьж амжсан боловч харин цааснууд задарч түүний эргэн тойрон агаарт хийсэж харагдана. Тэр шөрмөс нь татсан нэг хөлөө агаарт өргөсөн хэвээрээ шалан дээр нэг хэсэг хөдөлгөөнгүй хэвтлээ. Дараа нь тэр хөл дээрээ босож, хамраас нь дуслах цусаа арчаад ичсэн бололтой инээмсэглэх аядав.
Аамир уртаар санаа алдах нь сонсогдлоо.
"Энэ бол профессор Дөрхин. Тэр Спеллшадоуд байдаг таван багш нарын нэг."
Профессор Дөрхин сурагчдын урд зогсоод хоёр гараа даллав. Тэгтэл шалан дээр тарж унасан цааснууд агаарт хөөрч ширээн дээр буухдаа эмх замбараагүй давхарласан цаасан овоо боллоо. Тарж нисэлдэх цааснуудынхаа араас бяцxан охин шиг хөөцөлдөн гүйж байсан Дөрхин овоолоостой цааснуудыг хамж цэгцэлж дуусаад сурагчид руугаа эргэж харлаа.
Тэр сурагчдыг нүдний шилнийхээ цаанаас ажиглаж харснаа "Энд... урьд нь байснаасаа илүү олон сурагч байгаа юм уу?" гэж асуув.
Аамир суудлаасаа босож "Профессор оо, манайд хоёр сурагч шинээр нэмэгдэж ирсэн." гэж хэллээ.
Дөрхин нүдээ бүлтийлгэн Наталиг олж харах хүртлээ сурагчдыг тойруулж харав. Тэрбээр аяархан инээд алдлаа. "Залуу хатагтай, суудлаасаа босож нэрээ ангийнхандаа хэл."
Натали босож толгойгоо бардам өргөж зогсоод
"Намайг Натали Шевалиа гэдэг," гэж намуухан боловч тод дуугаар хэлэв.
Профессор Дөрхин уруулаа шилэмдсэнээ "Чамд бидэнд хэлэхийг хүссэн өөр юм байна уу?" гэж асуулаа.
Натали Алексыг сандарсан харцаар хараад дуугаа хурааж түр зогссоноо "Үгүй, надад хэлэх өөр юм алга." гэж хариулсанд
"Сайн байна," гэж профессор хэлэв. Тэрбээр сэтгэлд нь нийцсэн бололтой толгой дохиод самбар луу эргэж харлаа. "Өнөөдөр бидний үзэх хичээл..."
"Ноёнтон!"
Дөрхин аажуухан эргэж Аамир дээр харцаа тусгав.
"За, Наги?"
"Ангид маань хоёр шинэ сурагч ирсэн гэж би хэлсэн юмсан. ноёнтон."
Дөрхин амаа ангайлгачихсан ангийг дахин тойруулж хараад эцэст нь Алексыг олж харлаа.
"Өө... , тийм л дээ. Хоёр."
Алекс босож зогсохдоо Наталигийн харц өөр дээр нь тусахыг анзаарав.
"Алекс Вэббер," гэж тэр товчхон хэлээд профессорын нүд рүү эгцэлж харлаа.
"Сайн байна. Гялайлаа, ... Алекс. Одоо ингээд... "
Аамир Алекс руу бөхийж "Дөрхин бүр мангартаж гүйцсэнийг чи анзаарсан биз." гэж хэлээд самбар дээр юм бичиж зогсох профессор луу ууртай харц чулуудав.
"Гэхдээ л тэр Линц шиг архинд донтчихоогүй юм." гэж Жари шивнээд аяархан инээлээ.
"Линц сайн хүн." хэмээн Аамир хариу хэлсэнд Дөрхин тэд нар луу эргэж харан хоолойгоо засав.
Тэднийг чимээгүй болсонд профессор самбар дээр үргэлжлүүлэн бичлээ. Хичээлийн сэдэв нь Аламаны Дотоод Гэгээрэл, Онгод буюу анх Папуа Шинэ Генуяд үүсч бий болсон дотоод мэдрэмж, тоймгүй олон дохио зангаанаас бүрдсэн нэг сонин зан үйлийн тухай ажээ.
Профессор хурдан бичээч биш гэдэг нь илт, тэрбээр самбар дээр жижиг үсэг, диаграммуудыг хичээнгүйлэн бичиж зурна. Аамир багшийн гарын хөдөлгөөнийг хурдасгах гэсэн мэт уурлаж бухимдсан харцаараа гар луу цоо ширтэж, харин Жари суудалдаа улам бүр нугдайж суужээ.
Гэвч хичээлийн танхим гэж нэрлэдэг энэхүү шоронд ид шидийн зан үйлийг албадлагаар сурахаар сууж байгаа Алекст бүр тэвчихийн аргагүй уйтгартай байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.11.17 12:26 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 11

Хичээлийн дараа Наталитай хамт аюулгүй нам гүм газар очиж оргох төлөвлөгөөгөө ярилцахаар шийдсэн Алекс номын сан руу хурдан гүйх гэтэл Аамир төлөлвлөгөөг нь аль хэдийн гадарлачихсан бололтой түүнийг саатууллаа.
Тэрбээр Алексын урд хөндөлдөж зогсоод "Чамд заавал үзүүлэх нэг юм надад байгааг би саналаа." хэмээн хэлснээ Алекс Наталитай их ойрхон зогсож байгааг тэр анзаарч мэдээд "Та нарт хоёуланд чинь," гэж нэмж хэлэв. Өөрийг нь орхиж явахаар зэхэж гэж байсан Наталиг Аамир хамт авч явах болсонд Алекс дотроо баяртай байлаа.
"Юу юм бэ?" гэж Наталиг асуусанд Аамир
"Энд та нарын заавал мэдэх ёстой зөрчиж болдоггүй хэд хэдэн дүрэм байдаг юм," хэмээн тодорхойгүй хэлэв.
Сониучирхал, хардалт нь зэрэг төрсөн тэр хоёр Аамирыг дагаж явлаа.
Аамир тэднийг Алексын үл мэдэх хананд нь төмөр дэгээнд суурилуулсан олон дэнлүү өлгөсөн хонгилоор дагуулж явав. Алекс хонгилыг дараа нь өөрөө олохын тулд байршлыг дотроо хадгалж тогтоож авахаар хэрэндээ их хичээж байлаа. Байршлын зураггүйгээр эндээс оргох нь бараг боломжгүй.
Тэд хонгилоор цааш нилээн хол явлаа. Тэгтэл Аамир гэнэт нэг гараа өргөж Алекс, Натали хоёрыг зогсоов. Аамир чулуун шалан дээр гүн цэнхэр өнгөөр гялалзах биндэрья чулуугаар хийсэн шугаман зураасыг зааж харуулсанд мэл гайхсан хоёр өөд өөдөөсөө харлаа. Тааз хүртэл татсан тэр зураас хэн нэгнийг цаашаа нэвтэрч явахаас сэргийлсэн хил хязгаар бололтой.
"Энэ бол багш нарын хил зааг," гэж хэлэх үед Аамир хоолой их ноцтой захирангуй сонсогдов. "Та нар ийм шугамтай тааралдвал хэдхэн хормын дараа араас чинь мөшгин хөөж эхлэх ажилчдын нэгэнд баригдъя гэж бодоогүй л бол энэ шугамыг нэвтэрч болохгүй. Шугамыг давж гарахыг энд хатуу хориглодог."
Алекс толгой дохиод зураас руу харах үед тэндээс хамаг биеийг нь жихүүцүүлсэн хүйтэн мэдрэгдэх шиг болов.
Татсан зурааснаас хэдэн метрийн цаана туссан сүүдэрт хонгил тохойрч доошоо уруудсаныг Алекс олж харлаа. Хананд наалдаж ургасан саарал өнгийн хүнд мөлхөө ургамал тэрхүү харанхуй булангийн завсар зайг бүр битүүлчихсэн байв.
"Ойлголоо. Зураасыг давбал багш нар хүрч ирнэ." гэж Алексыг хэлэхэд
"Энэ хориотой бүс юм байна." гэж Натали нэмж хэллээ.
"Яг зөв, тусгай хамгаалалттай газар." гэж Алекс тодруулга хийж хэлэх үедээ энэ шугамыг давбал хэдий хэр хугацааны дараа мэдэгдэх бол хэмээн өөрөөсөө асуув. Магадгүй тэр нэг их холдож амжихгүй биз.
Алексыг анхааралтай ажиглаж зогссон Аамир тэднийг өөр хонгил руу дагуулж явав. Ханын тоосгонууд бараг Алексын толгойны хэмжээтэй адилхан том элэгдэж эвдэрсэн чулуунуудаар солигджээ.
Энэ удаа Аамирын тэдэнд үзүүлсэн зураасыг алтаар хийсэн байлаа. Хуучин сурагч маань уруулаа долоогоод "Үүнийг яасан ч давж болохгүй." гэж хэлэхэд толгойгоо гэлжийлгэн харж зогссон Алекс
"Энэ чинь юу гэсэн үг вэ?" хэмээн асуулаа.
Аамирын сандарч буйгаа нуусангүй тэрбээр хамраа шуухитнуулна. "Багш нар чамайг эндээс гаргаж авах гэж ирэхгүй. Энд чи маш их өвдөх болно."
Алексыг өвлийн тэсгим хүйтэн шууд хайраад авах шиг болов. Хөх зураас цас шиг байсан бол харин энэ зураас түүнд мөс шиг санагдлаа. Тэнд догшин хэрцгий, аюултай зүйл байдаг бололтой.
"Зураасны цаана юу байдаг юм бэ?"
Энэ удаа Аамир зураас руу хяламхийж ч харсангүй. Алексыг цоо ширтэх түүний харц их айсан шинжтэй харагдана.
"Энэ зөвхөн Захирлын мэдэлд харьяалагддаг газар."

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.11.17 9:54 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Аамир тэднийг өөрт нь таалагддаг профессор Линцийн хичээл орох дараагийн анги руу дагуулж очив. Хүйтэн ангид орсон Алекс шүдээ хавиртал дагжин чичирсээр Наталигийн дэргэдэх сандал дээр суулаа. Тэр эндээс гарах газрыг хурдан олохыг хүсэв. Алекс одоогоор Аамир, Жари хоёрт итгэж чадахгүй байгаа ч тэднээс тусламж авалгүй ганцаараа оролдвол энэ новшийн шилтгээнээс гарч чадахгүй гэдгээ сайн мэдэж байв.
Гарт нь хүн хүрэхийг мэдээд Алекс дээшээ харвал Натали өөр лүү нь ширтэж байлаа.
"Алекс, бид эндээс явж чадна," гэж тэр шивнэв. "Бид итгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ гэртээ харьж чадах хэн нэгэн энд байгаа бол тэр хүн Жак Лаканы санаа бодлыг сайн мэддэг хүн байж таарна. "
"Лаканы бичсэн номыг уншдагийг минь чи яаж мэдсэн юм бэ?" хэмээн Алекс хөмсгөө зангидан шивнэж асуулаа.
Натали сулхан инээмсэглээд "Би чиний номын тавиур дээр байсан Семинар-ыг харсан." хэмээн хэлэв.
"Өө, нээрэн тийм л дээ." Энэ явдал хэдхэн өдрийн өмнө болсон гэдэгт тэр бараг итгэж чадахгүй байлаа.
Профессор Линцийг ангид орж ирэх тэр мөчид Алекс харцаа өргөв.
Махлаг тарган гэхэд профессор Линц хагас атгасан бүдүүн хуруутай хоёр гараа үл мэдэг хаялан ямар ч чимээ гаргалгүй муур шиг хөнгөн шингэн намбалаг алхсаар орж ирлээ. Дугариг царайнд нь хөлс бурзайчихсан тэрбээр арьс нь суларч унжсан шанаандаа ургуулсан хууз сахлаа гоёмсгоор богиносгож засжээ.
Профессор орж ирээд энэ хооронд чимээ аниргүй болсон ангийг чоно шиг гярхай нүдээрээ тойруулж харлаа. Тэрбээр "Шинэ сурагчид," хэмээн ширүүн хэлэх хоолойных нь өнгөнд захирч зандрах дуртай гэдэг нь илт мэдэгдэв. Алекс босож зогсоход дэргэд нь суусан Натали ч мөн адил суудлаасаа өндийв.
"Хм," Линц урагшаа алхаж Алексын дэргэд ирснээ Натали руу эргэн харан дээш доош нь гүйлгэж хараад "Чи аурагаа харуулж чадах уу?" хэмээн үл итгэсэн байртай асуулаа.
"Би... би мэдэхгүй байна, ноёнтон. Би ийм юм хэзээ ч оролдож байгаагүй."
"Алив аурагаа харуул. Яг одоо оролдоод үз."
Натали нүдээ аниад амьсгалаа гүнзгий авлаа. Линц охиныг товч шиг жижигхэн нүдээрээ дуугүй ажиглаж зогсоно. Гэнэт Натали нэг ер бусын галд автах мэт болж биенээс нь алтан шаргал гэрэл цацарч эхэллээ. Профессорын санаанд нийцсэн бололтой тэрбээр хоолойгоо засах нь сонсогдов. Охин өөрөө ч мэл гайхсан харагдана.
"Сайн байна. Төгс биш, гэхдээ их хүчирхэг. Их сайн байна." хэмээн хэлээд профессор инээмсэглэн зогсох Наталиг дахин дээрээс нь доош гүйлгэж харав. "Нуруугаа цэхэл" гэж түүнийг хэлэхэд охины инээмсэглэхээ болилоо. "Ид шидийг төгс төгөлдөр хийж сурах нь их чухал. Чи ган төмөр шиг хатуу чанга болох ёстой. Миний хэлснийг битгий мартаарай."
Натали толгойгоо дохихыг хараад Линц харцаа Алекс руу шилжүүлэв.
"Чи!... Чи бидэнд ямар нэг юм үзүүлж чадах уу? " хэмээн тэр асуулаа.
"Би тэгж бодохгүй байна, ноёнтон. Би Натали шиг ийм амархан хийж чадахгүй. Бас профессор Дөрхин намайг төрөл зүй болон түүхийн хичээлдээ илүү анхаар гэж хэлсэн." гэж Алекс тайван хариулав.
Линц инээд алдсанаа "Тэр ч ингэх л хүн дээ." хэмээн хэлэхэд хоолойд нь эелдэг найрсаг гэмээр өнгө аяс сонсогдлоо. Дөрхин тэр хоёр дотно найзууд бололтой. "Гэвч миний хичээл арай өөр байх болно. Чи энд хүснэгт бөглөх мэтийн ажил хийх хэрэггүй, харин энергээ чөлөөлөх хэрэгтэй."
Алекс "Ноёнтон, та юу гэж хэлэх гэсэн юм бэ?" гэж эргэлзэнгүй асуулаа. Хэсэгтээ дуугаа хурааж зогссон Линц Алекст гараа ойртуулж алгаа хооронд нь хавсраад эргэлзэж буй нь илт "Алив харуул," гэж хэлснээ "Үнэнийг хэлэхэд ихэнх сурагчид үүнийг төвөггүй хийж чаддаг." гэлээ.
Өөрийгөө тэнэг байдалд орсноор төсөөлсөн ч Алекс ямартай ч оролдоод үзсэн нь дээр гэж бодов. Тэр дотор нь хаа нэгтээ нуугдсан байж мэдэх ид шидээ олж харахаар анхаарлаа төвлөрүүлэн халуун дулаан илчтэй алтлаг өнгийн гэрлийг хайсан боловч юу ч болсонгүй. Түүнд харин ч дотор нь хоосорчихсон юм шиг санагдаж, чөмөг царцам хүйтнийг мэдэрсэн тэрбээр дагжтал чичирснээ профессор Линцийг цөхөрсөн харцаар харлаа. Профессор Алексыг гярхай нүдээр ажиглан харж зогссоноо гэнэт инээд алдан хөхрөв.
" За яахав, гайхалтай хүүхдүүдийн дэргэд нэг асуудалтай нөхөр байх нь илүүдэхгүй гэж надад бодогдож байна."
Анги тэр чигээрээ инээлдэж, Алекс суудалдаа буцаж суулаа.
Хэрвээ ямар ч ид шидийн авьяасгүй гэдэг нь мэдэгдвэл түүнд юу тохиолдох бол?
"Чи намайг харсан биз дээ?" гэж сэтгэл нь хөөрч догдолсон Натали шивнэв. " Би үүнийг чадсан! Би ингэж чадна гэдгээ мэддэггүй байсан."
"Тийм ээ, чи их гоё харагдсан шүү," хэмээн Алекс Наталигийн авьяас чадварыг гайхаж биширснээ нуулгүй хэлээд харин өөрт нь ямар ч ид шид байхгүй гэдгийг бүгд мэдчих вий гэхээс санаа нь маш их зовж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.12.17 12:57 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Дараагийн хичээлийг профессор Эсмералда хэмээх гил хар үстэй, харваас гял цал даашинзанд дуртай нь илт хөөрхөн царайлаг хатагтай заав. Тэр хичээлийн турш ихэвчлэн бусдад өөрийгөө шидтэн гэсэн ойлголт төрүүлэхээр бага насанд нь тохиолдож байсан адал явдлуудаа хүүрнэж ярив. Бас тэр Наталигийн хүчтэй аураг магтан сайшааж харин Алексыг хараад өөр лүү нь тарни шившлэг илгээсэн мэт давхийн цочлоо.
"Би урьд нь ид шидийн хүч нь ийм сулхан хүнийг огт харж байгаагүй юм байна." гэж хэлээд тэр Алексыг гайхалтай цэнхэр нүдээрээ дээд доодгүй гүйлгэж харав. "Эрүүлч бидэнд яагаад ийм онцгой хүнийг авчирсан нь хачирхалтай. Бид чамайг сургахын тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь дээ. Үгүй бол бид чамайг зайлуулахаас өөр аргагүй." Түүний хэлсэн сүүлчийн өгүүлбэрийг сонссон хэн ч дотроо тайван амгалан байж чадахгүй нь ойлгомжтой.
Хэл нь хуурайшиж ам нь хатсан Алекс профессорын ангийг орхиж гарахад Жари түүнд хугацаа хэрэгтэй хэмээн санаа тавьсан байртай хэлэв. Харин Аамир харцаа доошлуулж, Натали түүнийг хөмсгөө зангидчихсан харж байлаа.
"Хэрвээ би шидтэн биш байвал юу болох вэ?" гэж түүнийг асуухад Аамир мөрөн дээр нь хүчтэй алгадаад
"Би лав санаа зовохгүй байна. Тийм юм болохгүй биз." гэж хэлэв.
"Тийм л дээ, гэхдээ л тийм байвал яах вэ?"
Ахмад сурагч Алексын нүд рээ эгцлэн харж "Би энэ талаар бодохыг ч хүсэхгүй байна." гэж их л ноцтой хэллээ.
Харин Натали үүнд санаа зовох хэрэггүй болжээ. Алекс Натали руу харлаа. Тэр магадгүй өнөө орой эндээс зугтаж гарах замаа олж чадах ч юм бил үү...
"Та хоёр түрүүлээд явж бай." гэж хэлээд тэр Наталитай хамт ард хоцорч үлдлээ. Дараа нь тэр Аамир, Жари хоёрын араас "Бид хоёр удахгүй гүйцээд очно." хэмээн хашгирсанд Аамир эргэж харан Алекст хандаж мэхийн ёслоод
"Бид та хоёрыг энэ хонгилын үзүүрт хүлээж байя." гэж хариулав.
"Юу? Яагаад?" хэмээн эсэргүүцэж асуулт тавих Жаригийн нуруу руу Аамир хүчтэй нударч түүнийг дагуулан тэндээс холдож явлаа. Алекс дотроо бусдын хувийн яриаг хүндэтгэн хүлээн зөвшөөрч буй Аамирт талархахын ялдамд Натали руу эргэж харав.
"Ингэхэд чи эндээс явах хэвээрээ биз дээ?" хэмээн тэр дуугаа намсган асуусанд
"Мэдээж!" гэж Натали шивнэснээ "Намайг эндээс явахгүй гэж чи яаж бодож чадав аа?" гэж хэллээ.
Алекс өөрөө ч гэсэн өөр хариулт сонсоно гэж бодоогүй ажээ. "Гэхдээ чамд ид шидийн хүч... чамайг үнэхээр сайн байхыг хараад..." гэж тэр амандаа бувтнав.
Натали толгойгоо хүчтэй сэгсэрлээ. "Магадгүй би сайн байж мэдэх юм. Бас энэ сонирхолтой байж ч магадгүй. Гэхдээ би..." Тэр таарсан үг олж хэлэхийг хичээв. "Би гэртээ буцаж очих ёстой. Энэ газар надад огтхон ч таалагдахгүй байна. Бас энд ямар нэг аймшигтай юм байх шиг байна."
Алекс амьсгалаа уртаар гаргалаа. Тэр юмны тухай надад хэлээд өгдөг ч болоосой. "За тэгвэл би..." Алекс нилээд хэдэн метрийн цаана харагдах Аамир, Жари хоёр луу хяламхийж харав. "Бид жаахан хүлээсэн дээр гэж би бодож байна." Натали эсэргүүцэхээр ам нээж амжихаас өмнө Алекс хурдан тайлбарлаж эхэллээ. "Би одоохондоо эндээс яаж гарахаа мэдэхгүй. Эндэхийн хонгилууд... Энэ үнэхээр төөрч будилмаар. Үүний учрыг олоход бидэнд бага зэрэг хугацаа хэрэгтэй байна."
Натали толгойгоо бөхийлгөн нулимс асгаруулан уйллаа. "Ингэсэн нь дээр гэж би бодож байна. Би ойлгохыг хичээнэ, бас би чамд туслана."
Алекс толгой дохиод Наталиг хүнд байдалд оруулахгүй хэмээн өөртөө хэлэв. Тэдний аль нэг нь баригдчихвал тэр хоёрын зүтгэл ямар ч үр дүнгүй болно.
" Энэ хооронд хоёулаа тэдэнтэй жаахан тоглоё, тэгэх үү? Энэ хүмүүс юу хийхийг би үнэндээ мэдэхгүй байна. Анги руугаа явцгаая... Аюулд битгий өртчихөөрэй."
"За тэгье, Алекс." гэж Натали хэлээд Алексын гарыг хоёр гараараа барилаа. "Чи ч гэсэн аюулаас холхон байхыг хичээгээрэй."

_________________
Sakura


Last edited by naran1962 on Dec.13.17 1:21 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.12.17 7:52 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Сонирхолтой ном байна. Алекс харин хий юм хараад байсан гэхээр хатагтай прегрений хүүхдүүд номтой жоохон төстэй болоод явчихвуу яав. Гялс учрыг нь олчих юмсан. Баярлалаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Dec.12.17 6:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Харри Поттер дээрх шилтгээн бол их гоё халуун дулаан бдаг сан. Энд бол даарч хөрч, айсаар бтал таарах юм. Ингэхэд Алекс тэр захирлаас намайг бхгүйд ээж мээж ганцаараа зүгээр үү гээд асуучихгүй.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.12.17 10:27 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
mmiracle wrote:
Харри Поттер дээрх шилтгээн бол их гоё халуун дулаан бдаг сан. Энд бол даарч хөрч, айсаар бтал таарах юм. Ингэхэд Алекс тэр захирлаас намайг бхгүйд ээж мээж ганцаараа зүгээр үү гээд асуучихгүй.

Баярлалаа :wd: :wd:



Гоё хэллээ. Надад ч гэсэн тэгж санагдсан. :bigthumpup: :bigthumpup: :bigthumpup:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.13.17 1:24 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 12

Дараагийн өдөр нь Алексыг хэн нэг нь түлхэж сэрээхэд тэр Сайрэн Мэйвийн таагүй харцыг олж харав. Эмэгтэй гартаа нэг даавуун метр барьчихсан харагдана. Гижиг нь хүрч байсан хэдий ч эмэгтэй өөрийг нь нааш цааш эргүүлж хэмжээ авч дуусаад гарч явтал нь тэвчихэд хүрэв. Алекс эмэгтэйг эсэргүүцэх нь ухаангүй хэрэг болно хэмээн бодоод шүд зуун тэсжээ. Сайрэн Мэйв Алексын хэмжээнд тааруулсан боодолтой хувцаснууд барьчихсан буцан ирснээ хувцаснуудыг орон дээр тавьчихаад гараа даашинзныхаа хормойд арчив.
"Танд их баярлалаа," хэмээн Алекс талархаж буйгаа хэллээ.
"Өө, ингэх хэрэггүй дээ, хонгор минь. Чамд жаахан ч болтугай санаа тавих гэж л би энд байдаг. Чамд хэрвээ юм хэрэг болвол надад хэлж болно, за юу?" гэж хэлээд Сайрэн Мэйв инээмсэглэв.
Алекс эмэгтэйг гарч явтал хүлээж байгаад Аамирын зээлдүүлсэн хувцcыг тайлж шинэ хувцсаа өмслөө. Аамир, Жари хоёр хана налчихсан зогсож харагдана. Шинэ хувцаснууд нь харь гаригийнх гэмээр санагдах хэдий ч урьд өмнө нь өмсөж байсан хувцаснуудаас огт өөр Алекст яв цав таарав. Гэхдээ л энэ хувцас түүнийг хүйтнээс хангалттай хамгаалж чадахгүй байлаа.
Хувцас нь сайхан зохьжээ гэж үзсэн бололтой Жари алга ташив. Алексыг гярхай нүдээр харж байсан Аамирт ч мөн адил таалагдсан бололтой энэ хувцас өөрийнхөөс нь илүү сайхан таарчээ гэж хэллээ.
"Ингэхэд энэ Сайрэн Мэйв яг хэн юм бэ? Тэр энд юу хийдэг юм бэ?" хэмээн Алекс хүрмээ өмсөх зуураа асуув.
Жижигхэн хүү эргэн тойрноо тойруулан ажиглаж харснаа орныхоо ирмэг дээр Алексын өөдөөс харан хөлөө ачиж суулаа.
"Үнэндээ тэр энд бидний найз болохгүй гэдэг нь ойлгомжтой." гэж Аамир хэлэв. "Түүний хийдэг ажлын гол зорилго бол биднийг үхүүлчихэлгүй амьд үлдээхэд санаа тавих явдал."
Алекс хөмсгөө атирууллаа. "Тэгвэл тэр сувилагч юм уу?"
Жари инээд алдсанаа "Шидтэнгүүд барагтай бол өвчин тусдаггүй юм." гэж хэлээд "Хэрвээ тэр тэднийг эмчлэх шаардлагатай болвол... аймшигтай юм болох биз. Тэр тусалж чадахгүй. Тэр зөвхөн биднийг энд өлсөж цангахгүй, даарч хөрөхгүй байхад л санаа тавьдаг юм." гэлээ.
"Тэгвэл тэр үүргээ тийм ч сайн биелүүлдэггүй юм байна. Та нар даарахгүй байна гэж үү?"
Жари гайхсан нь илт харагдана. "Үгүй чиш. Ганцxан чи." гэж хэлснээ тэр "Хэдүүлээ явж өглөөнийхөө хоолыг авцгаая! би өлсөж байна." гэлээ.


* * *
Өглөөний хоолны дараа Алекс хэсэг хугацааг унтлагын өрөөндөө зөвхөн Аамиртай хамт өнгөрүүлэв. Ахмад хүү нэг ном уншихаар гартаа барьж авахад Алекс түүнээс бага зэрэг мэдээлэл цуглуулах санаатай ямар ном уншиж байгааг нь асуулаа.
"Анима Арканагийн теротипийн хэлэлцүүлэг," хэмээн Аамир номныхоо хуудсыг эргүүлэнгээ хэлэв. Тэгтэл түүний дэргэд алтлаг өнгийн бяцхан үүл шиг хэлбэртэй гэрэл гарч ирснээ хумигдаж жирийн нэг ногоон навч болон хувирлаа. Алекс ид шидийг сониучирхан харна.
Алекс үл мэдэг гэрэл анивчуулах навчийг барьж аван хурууныхаа завсар зөөлөн имэрч үзээд эргүүлж харлаа. Навч үнэхээр жинхэнэ ажээ. Тэр навчны судалнуудыг харж, бас гэрлийн лааны тос шиг уян хатан гадаргууг нь мэдэрч байлаа.
"Энэ... хувирах уу? Эсвэл гэнэт гарч ирсэн шигээ алга болчихдог юм уу?" гэж тэр асуув.
Аамир номоо доош нь буулгаад "Анима бол ид шидээ өөрөөсөө тусгаарлаж салгахад зориулагдсан. Нэг дор хоёр зүйл хийх зорилгодоо хүрэхийн тулд чи ид шидээ өөрөөсөө хувааж салгана. Анхаарлаа илүү төвлөрүүлнэ гэсэн үг.
"Зорилго. Энэ ойлгоход их хэцүү бололтой. Ийм аргаар тусад нь хийж байгаа юмаа чи яаж мартахгүй байж чаддаг байна аа? Эсвэл энэ чи үүнийг бодол дотроо хадгалчихдаг юм уу?"
"Ургамал бол тийм ч хэцүү биш. Ургамал дээр хийх зүйл бол их энгийн, чи түүнийг үхүүлчихгүйн тулд үндсийг нь шороонд суулгаад ус, гэрлээр хангана. Харин үүнийг амьтантай хийхэд үнэхээр хэцүү."
"Гэхдээ ургамал ногоо бол асар том системийн нэг бүрэлдэхүүн хэсэг биз дээ, тийм биш гэж үү? Ганц навч л гэхэд энгийн харагддаг мөртлөө маш олон амьд организмтай холбогдсон байдаг. Тэр амьд организмууд нь хүрээлж байгаа орчинтойгоо нягт холбоотой, тэд тэр орчныг бас хамтад нь бүрдүүлж байдаг. Энэ бүхнийг чи яаж бодолдоо хадгалж чадах юм бэ?
Эцэст нь Аамир Алексыг харж инээмсэглэснээ номоо хаалаа.
"Чи арай хэтрүүлж бодоод байна. Ихэнх нь ид шид чиний дотроо мэдэрсэн бодол санаан дээр тулгуурласан байдаг. Чиний хэлж байгаа шигээр ганц ширхэг навч гаргах нь хэцүү биш."
Алекс түр бодолхийлж байснаа "Тэгвэл хүн бүр ч их хэцүү байж таарна." гэж хэлсэнд
"Хомункулус ч гэсэн хэцүү биш. Ид шидээр бүтээгдсэн жинхэнэ бүрэн төгс сайн ажилладаг сүнс шилжүүлж суулгана гэвэл... ? Энэ бүр ч амаргүй байх биз. Ийм юм огт сонсож байгаагүй. Ийм юм хийнэ гэвэл бүхэл бүтэн нэг хувь хүний ой ухаан, бодол санааг хайрцаглаж устгах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ бол шидийн дээд хязгаар болох биз."
Алекс толгойгоо алгуурхан дохилоо. "Би үүнийг ойлгож байна. Их сонирхолтой юм. Бүх ид шид ийм байдаг уу?" Тэр навчийг өргөж харуулаад "Үүнийг яаж хийдэг юм бэ?" гэж асуув.
Аамир ямар хариулт өгөхөө бодож байгаа бололтой. "Ингэхэд байна аа, хичээлийн үеэр ангид хийлгэдэг тэр тэнэг дасгалууд үнэндээ тийм ч ач тусгүй, үндэслэлгүй юм биш. Тэр бүхэн бүгдээрээ ямар нэг аргаар энергээ (ид шид) гадагшлуулж чаддаг болоход чинь сургадаг. Жишээлбэл саяхан бидний үзсэн Аламан нэг гарнаасаа энерги гаргадаг болоход тусална. Хэрвээ чи энергээ яаж гадагшлуулдгийг ганц удаа мэдээд авчихвал чи үүнийг хийх үйлдлийн хэсэг нэг бүрийг дотроо тогтоож авч чадна, бас чи энергээ өөрийнхөө хүссэнээр хувиргаж ашиглаж чаддаг болно.
"Ойлгомжтой," хэмээн Алекс дотроо тунгааж бодсон хэвээрээ аажуухан хэлээд "Ингэхэд ид шид үзүүлэх нь ямар их төвөгтэй , бас ямар хэцүү гэдгийг би сайн ойлгож авлаа. Тухайн юмны хэлбэр, харагдах дүрс, сонсогдох чимээг өөрчилье гэвэл энэ ид шид чиний оролдлогоос шалтгаална гэсэн үг үү?"
Аамир Алексыг үнэлж эхлэв бололтой, сэтгэл нь хөдөлсөн тэрбээр нүд нь гэрэлтэж байлаа.
"Ер нь бол тийм. Энэ бүгдийг чи их хурдан ойлгосон байна шүү. Хэрвээ чи онгодоо дуудаж ид шидээ хэрхэн яаж ашиглахыг сурмаар байвал чиний заавал уншиж мэдэх ёстой хэдэн ном надад байгаа шүү. Чи номноос миний тайлбарласнаас илүүг олж мэдэж чадна."
Чимээ аниргүй өрөөнд дахин хэдэн навч гарч ирэн шал руу эргэлдэн унаж харагдана.
"Тэгвэл энд бусад багш нар юу заадаг юм бэ?" гэж Алекс асууснаа "Одоогоор би зөвхөн гурван багштай уулзсан, тэд өөр өөрийн онцлогтой юм шиг надад санагдсан."
"Чи нэг хэсэгтээ ноён Рэнмарк, Гэйз хоёрыг харахгүй биз. Тэр хоёр энд зөвхөн хоёр дахь жилдээ эсвэл түүнээс дээш олон жил болсон сурагчид сурдаг ангиудыг хариуцдаг."
"Тэд ямар хүмүүс вэ?" хэмээн асуусан Алекст тэднийг харж чадахгүй нь гэсэн бодол төрөхөд гомдолтой санагдав.
"Рэнмарк бол их чанга хатуу, харин Гэйз нилээн хачин хүн."
Алекс түүний хэлснийг тогтоож аваад дараагийн асуултаа зүгээр л анзааргагүй тавьж байгаа мэт царайлахыг хичээлээ.
"Энэ шилтгээн ямар учиртай юм бэ? Хонгилууд яаж ажилладаг вэ? Жишээлбэл чи эндээс яаж гарах вэ?"
Аамир аньсгаа нарийсгаж түүнийг нэг хэсэг харлаа. Тэр өөрийг нь хардаж байгааг Алекс сайн мэдэж байв. "Хонгилууд ерөнхийдөө их энгийн, тэд зүгээр л дурсамжуудыг агуулж байдаг юм." гэж хэлээд тэр Алексын асуултанд бүрэн хариулсангүй, номоо дахин барьж авлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.14.17 12:12 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 13

Профессор Дөрхин Аламаны Дотоод Гэгээрэл, Онгод -ын үндсэн гол суурийг тайлбарлаж дуустал хоёр өдрийг зарцуулсныхаа дараа сурагчдаар дасгал хийлгэж тэднийг анхааралтай ажиглан харж байлаа. Сурагчид бүгд хэлснээр нь "нүдэнд үл харагдах нэг хан боргоцойг" агаарт тогтоон барихыг оролдох мэт нэг гараа өргөж, нөгөө гараа цээжин дээрээ зүрхнийхээ орчим тавьсныг хараад профессор Дөрхины санаанд нийцсэн бололтой.
"Одоо нүдээ ань" гэж тэр дууг нь сонссон морь хүртэл цочсондоо огло үсрэн булгитал чанга орилов. "... амьсгалаа хамраараа авч, амаараа гарга. Тархи, зүрх хоёрын хооронд энергээ тойргоор хөдөлгө. Тэгээд үүнийгээ усны эргүүлэг шиг хурдан эргэлдүүл.“
Ширээндээ сууж буй Алекс дасгалыг оролдож үзэхээр шийдэж нүдээ аниад амьсгалаа урт авснаахаа дараа алгуурхан гаргав. Тэрбээр уушгийг нь дүүргэсэн агаар дотор хөдлөх чакраг олж харахыг оролдсон боловч бүтэлтэй юм болсонгүй, харин ч хүйтэн агаар дотроос нь жиндүүлж чичрүүдэс хүрсэнд тэр санаа алдав. Хэрвээ тэр үүнийг хийж чадахгүй бол өөрийг нь энд дураараа хүрч ирсэн гэдгийг нь тэд мэдчихнэ.
Алексын урд сууж буй Жаригаас үл мэдэг гэрэл цацарч эхлэв. Гал шиг алтлаг өнгийн шидэт зурааснууд өргөсөн гарных нь бугуйг даган дээш доош хөдөлж, толгойных нь үс бүр босчихсон харагдана. Алекс Аамир луу хяламхийж харснаа өөрийн эрхгүй дуу алдах шахав. Өөрөөс нь ах насны тэр хүү дээрээс нь буух бяцxан шидэт хүрхрээний доор зогсож буй том хөшөө шиг бүтэн бие нь гэрэлтэн харагдаж байлаа.
Сониуч зан нь хөдөлсөн тэрбээр ангийг тойруулан харж байснаа ялимгүй сулавтар боловч яг адилхан гэрэлтэх Наталиг олж харав. Нүүр царайгаа төвшин амгалан болгон нүдээ аньж суусан охиноос цацрах гэрэл долгилон хөдөлж байлаа. Наталигийн ойр дэргэд нь суусан охид харваас мэл гайхсан нь илт, уулга алдах нь уу гэлтэй бүгд түүнийг нүдээ бүлтийлгэн амаа ангайчихсан ширтэнэ.
Ангийн урд самбарт юм бичиж зогссон профессор Дөрхин эргэн харлаа.
"Гоё аура байна, Шевалиа," хэмээн тэрбээр огт гайхсан шинжгүй хэлээд "Наги, чинийх ч гэсэн адил." гэж нэмж хэлэв.
Алекс Наталигийн амжилтаар их бахархаж байлаа. Өнөөдөр унтлагын өрөөнөөс хамт ирсэн охидтойгоо хамт суухаар шийдсэн Натали өөрийг нь хараад инээмсэглэснийг бодоход тэр сайн байгаа бололтой.
Профессор Дөрхин ангийг тойруулж харснаа харц нь ид шидээ үзүүлэхийг хичээсэн шинжгүй гараа зүгээр л урагш нь сунгаад сууж буй Алекс дээр тогтлоо. "Вэббер, бусад багш нар чамд одоохондоо... ид шидээ ашиглаж мэдэхгүй жаахан хүндхэн байгаа гэж надад хэлсэн ч, чамайг оролдоод үзсэн нь дээр гэж би бодож байна."
Ангид сурагчид энд тэнд жиг жугхийн инээлдлээ. Алекс дахин оролдож үзэхээр нүдээ анив.
За алив, хэмээн тэр дотроо хичээнгүйлэн бодлоо
Юу ч болсонгүй.
Хэрвээ тэд мэдчихвэл намайг яах бол?
Намайг хэрвээ эндээс хөөчихвөл Наталид юу тохиолдох бол?

Дахиад юу ч өөрчлөгдсөнгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.14.17 3:32 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Алекс удахгүй бүгдээс нь хүчтэй шидтэй нь мэдэгдэх бхөө. Тэр болтол хөөрхий бүтэлгүй амьтан царайлаад л явах бх.

Баярлалаа :wd: :wd: Уул нь завгүй бгаа ч энэ зохиол яалт ч үгүй сонирхол татаад бх юм.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.14.17 6:39 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Хичээлийн дараа Алекс хоолны танхимд оргох талаараа дахин бодож суулаа. Гадагшаа гардаг хаалгануудыг талаар түүнд одоо хүртэл ямар ч төсөөлөл байсангүй, тэр бүү хэл хонгилуудын учрыг ч олоогүй билээ. Аамир туслахгүй нь ойлгомжтой, харин Жари... мэддэг байж магадгүй. Хамгийн гол нь Натали тэр хоёр гарцыг олж харахын тулд хүүг хэрхэн ятгаж аргандаа оруулах вэ гэдэг байлаа. Алекс урьд нь Аамиртай хийсэн алдаагаа давтахыг хүсээгүй учир асуулт тавихдаа маш болгоомжтой байх хэрэгтэй байв.
Аамир гэнэт "Зүгээр дээ," хэмээн хэлээд дал руу нь зөөлөн алгадлаа. "Эхний шалгалт өгөх хүртэл чамд жаахан хугацаа байгаа. Санаа зовж байгааг чинь би мэдэж байна."
"Юу? Өө харин тийм ээ, би ч гэсэн тэгж бодож байна." Аамир буруу таамагласан гэдэг нь ойлгомжтой байлаа.
"Би лав санаа зовох л байсан," гэж Жари хэлэв. "Эхний шалгалтаа амжилтгүй өгсөн сурагчийн талаар огт сонсож байгаагүй шиг надад санагдах юм. Тэд түүнийг ална гэж чамд бодогдохгүй байна уу?"
Aлекс сэртэсxийж, Аамир Жариг асууж лавласан байртай харлаа. "Тэд түүнийг арай алчихгүй байлгүй. Алекс бол ид шидгүй хүн биш. Тэр зөвхөн ид шидэндээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа."
"Энд ид шидгүй хүмүүст ийм юм тохиолддог гэж үү? Тэдэнд хохирол учруулдаггүй байж мэдэх ч бас зүгээр тавиад явуулчихдаггүй биз."
Жари хөхөрснөө амнаасаа хазсан талхныхаа үйрмэгийг ширээн дээр үсчүүлэн ярьж гарлаа. "Энд ид шидгүй хүмүүс ирдэггүй юм. Энд олон саад бий. Тэднийг энд орж ирэхээс хамгаалдаг тарни шившлэгүүд гэх мэт. Ямартай ч энэ Алексын хувьд асуудал болно гэж би бодохгүй байна. Харин тэр хэтэрхий ухаж төнхөөд байгаа нь л асуудал гэж би бодож байна." Дүрсгүйтсэн тэрбээр нүд нь гялалзаж байлаа.
Аамир Жари руу эргэж харахдаа царайгаа төв болгон гараа энгэртээ зөрүүлэв. "Аан? Чи юу мэддэг юм бэ?"
"Би Алексын нэг жижигхэн нууцыг мэднэ."
Алексын ам нь хуурайшлаа. "Чи юу хийгээд байгаа юм бэ?
Жари инээмсэглэж "Алексын толгойд өөр бодлууд эргэлдээд байгаа болохоор тэр ид шид үзүүлж чадахгүй байгаа. Эсвэл өөрт нь..." гэснээ тэр хуйвалдсан аятай урагшаа тонгойгоод "...онцгой санагддаг хэн нэгнийг ч юм уу?" гэж хэлэв.
"Өө, Жари..." хэмээн дуу алдсанаа санаа алдав.
"Хөөе, энэ үнэн шүү!" гэж хэлээд Жари гараа өргөлөө. "Өнгөрсөн жил би Эллабелл Магрид харцаа унагадаг байхад бараг бүтэн долоо хоног сахиусаа дуудаж чадахгүй байсныг чи санаж байгаа биз дээ?"
"Хэдийгээр чи өрөвдөлтэй харагддаг байсан ч бага зэрэг хийж чаддаг байсан." гэж Аамирыг хэлэхэд Жари гараа цээжин дээрээ тавиад
"Би зүгээр л хэлсэн юм. Асуудал нь манай залуугийн толгойд биш, харин зүрх сэтгэлд нь байна гэж би бодож байна." гэж хариулав.
Алекс завшааныг ашиглан хурдан сэтгэж
"Чиний зөв юм шиг байна." гэж хэлэхэд Аамир, Жари хоёр гайхсан харцаар түүнийг зэрэг харлаа. "Натали миний бодлоос огт салахгүй юм. Даанч түүнтэй хоёулхнаа ярилцах боломжтой газар олох их хэцүү юм. Хэрвээ бид энд хаа нэгтэй, магадгүй шилтгээний гадаа ч юм уу нэг газар очиж болдог бол..."
Аамир царайгаа тэр дороо барайлгаж, харин Жаригийн нүүр яг л шинэ жилийн гацуур шиг гэрэлтэн
"Би нэг газар мэднэ. Би чамайг хэрэгт дурлагсдын харцаас түр зуур холхон байж болохоор тэр газар луу зөвхөн Наталитай хамт аваачиж чадна." гэж хэлэв.
Алекс хөөрч догдолсноо нуухыг хичээх зуур Жариг харлаа. "Ингэвэл надад их тус болно гэж би бодож байна."
"Гайхалтай!" хэмээн Жари дуу алдсанаа "Өнөө оройг та хоёрын төлөө зориулдаг юм бил үү?" гэлээ.
Алекс зөвшөөрч буйгаа хэлэхийг завдтал гэнэт Аамир тэр хоёрын яриаг таслав.
"Жари, би Алексыг чиний нөгөө романтик газар луу дагуулаад очъё." гэж хэлээд тэр Алексын нүд рүү эгцлэн харж хэсэг зогссоноо "Харин чи Наталиг аваад ир." гэлээ.
Жари асуусан харцаар Аамир, Алекс хоёрыг ээлжилж харснаа мөрөө хавчаад
"Болж байна. Хоолны дараа хэдүүлээ тэнд уулзацгаая." гэж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.15.17 7:03 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.22.10 12:00 pm
Posts: 11
:cheerleader: :cheerleader: :cheerleader: wow unshij bgaa shuu


Top
   
PostPosted: Dec.15.17 9:39 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 14

Цэцэрлэг рүү явах үед Алекст нэг л хачин, амаргүй байлаа. Хамгийн түрүүнд тэр гадагшаа гарах шалтгаан олохын тулд худлаа ярьсандаа дотроо гэмшиж байв. Тэр Жари, Аамир хоёрт бүрэн дүүрэн итгэж чадахгүй байгаа бөгөөд тэр хоёрт итгэмээр байсан ч бас итгэж болох шалтгааныг олж чадсангүй.
Дэргэд нь таг дуугүй хурдан алхаж яваа тэсвэр хатуужилтай тэр өндөр хүүгээс нэг л зэмлэсэн өнгө аяс мэдрэгдэнэ. Тэр худлаа ярихад нь итгээгүй гэдэг нь илт байсан хэдий ч яагаад хамт явах гэснийг Алекс ойлгож чадсангүй. Аамир үнэхээр өөрийг нь Жаригийн "романтик болзооны газар" луу дагуулж яваа эсэхийг ч тэр мэдэхгүй байлаа. Хэдийгээр тэр өөр зүг рүү явж байгааг мэдэж байсан ч Аамир түүнийг Захирлын өрөө рүү шууд хүргэж өгөхөөр явж байж ч мэдэх юм.
Шилтгээний хонгилуудыг одоо зогсож буй шалаар нь тогтоох аргагүй, бас аль зүг рүү хараад зогсож байгаагаа ч мэдэх аргагүй ажээ. Харин Алекс дээшээ өгсдөг нэг шат шилтгээний хамгийн дээд давхар луу, харин доошоо уруудсан шат доод давхарт хүргэдэг болохыг анзаарлаа. Хэрвээ ганцаархнаа хайж олохыг оролдвол тэр хүссэн хаалгаа олтол өчнөөн олон сар өнгөрч таарна. Сурагчдыг энд байлгахын тулд тэд шилтгээнийг зориуд ингэж барьсан биз. Хонгилууд байрнаасаа хөдөлдөггүй, харин тэд ид шидийн хүчээр олон янз болж өөрчлөгдөн, Алексын хэзээ ч харж байгаагүй төөрдөг байшинг бий болгожээ.
Алекс гарах замаа цээжлэхээр шийдэн анхаарлаа төвлөрүүлж шилтгээний хонгил, булан тохой бүрийг тогтоож авахыг хичээсэн боловч Аамирын алхааг гүйцэхээр хурдан алхаж явах үед бүгдийг тогтоож авахад цаг хүрэлцэхгүй, энэ боломжгүй гэдгийг тэрбээр ойлгов.
Тэд хэдэн минутын турш зөвхөн өөрсдийнх нь алхах чимээ цуурайтаж сонсогдох хананд нь ширүүн догшин харцаар ширтэх шидтэнгүүдийн хөргийг эгнүүлэн өлгөсөн урт, хоосон хонгилуудыг сүлжин явсаар, эцэст Аамир нэг хаалганы өмнө ирж зогслоо.
"Энэ цэцэрлэг" хэмээн тэр хайнгадуухан хэлээд хаалгыг нээв.
Алекс хэдэн долоо хоногийн дараа нүүр лүү нь үлээх шөнийн хүйтэн агаарыг мэдэрсээр гадаа анх удаа хөл тавилаа. Эрх чөлөө нь энүүхэнд нүднийх нь өмнө байгаа юм шиг мэдрэмж төрөн учиргүй догдолж эхэлсэн тэрбээр амьсгалаа гүнзгий авав.
"Чи ирж явна уу?" хэмээн хэлэхийг сонсоод Алекс доор сарны гэрэлд харагдах Аамиртай нэгдэхээр элэгдсэн чулуун шатаар яаравчлан буулаа.
Алекс эргэн тойрноо түргэн хяламхийн харахдаа энэ орхигдсон газарт "цэцэрлэг" хэмээх нэр дэндүү гоёдсоныг шууд ойлгов. Энд ногоон ургамал тарьж байсан гэвэл арчилж тордолгүй их удсан ажээ. Анхаарал тавиагүй удсан моднууд зэрлэгшиж, нөгөө шилтгээнд ургадаг саарал мөлхөө ургамалд хучигдсан, тайрч янзлаагүй мөчирнүүд тэнгэр лүү сарвайж ургажээ. Мод суулгасан нүхнүүд хог новшинд дарагдаж, хуучин чулуу дэвсэж хийсэн замууд нь хүчтэй салхи шуурганд өртсөн мэт чулуунууд нь энд тэндгүй тарж бутарсан харагдана. Нилээд хол ханан хэрмийн дээгүүр сүүмэлзэн харагдах тэнгэрийн хаяанд жаргаж буй нарны алтлаг туяа мөнгөлөг өнгийн сарны гэрэлд уусаж байлаа.
Алекс Аамирыг дагаж бараантаж харагдах ургаа моднууд, чулуун суурь нь эвдэрч тавцангийн мод нь өмхөрч муудсан сандалнууд, бас хатаж хорчийсон өргөстэй жимсний бут сөөгний хажуугаар өнгөрөв. Аамир хаашаа яваагаа сайн мэддэг нь илт алхаагаа удаашруулалгүй алхана, тэр бас Алексыг хоцролгүй дагаж явна гэдэгт итгэлтэй байгаа бололтой эргэж ч харсангүй. Ямартай ч тэр хэлсэн амандаа хүрч Алексыг авч явж байгаа боловч харин Алекст мэдэхгүй юм зөндөө байлаа.
Эргэн тойрноо ажиглан харах тусам Алексын түгших нь улам ихсэж, тэр хамт яваа хүүд улам ойртов.
Эцэст нь Аамир нэг том талбай харагдах жижигхэн толгойн орой дээр зогслоо. Талбайн гол хавьцаа харагдах нэг задгай газар салхины аясаар гэрлүүд хоорондоо ороолцолдох мэт хөдлөхийг Алекс олж харав. Тэр газрыг тойрсон хатаж нүцгэрсэн моднууд тэр задгай газрын төвөөс холдож зугтахыг хүссэн мэт гадагшаа налж унажээ. Газраас булгарч унасан эдгээр модны үндэснээс туссан сүүдэр сарны сүүн гэрэлд улам сунаж уртсан аймшигтай дүр зургийг бий болгож, сарны туяанд тэрхүү газар улам чимээ аниргүй, хүйтэн цэвдэг харагдана. Алекс энэ газрын хүйтэн хөндий хоосныг яс махандаа тултал мэдэрч, тэрбээр дагжтал чичрэв.
Алекс энэхүү дүр зургийг гөлрөн харж зогстол Аамир дуугаа намсган ноцтой ярьж эхэллээ. Айдас төрөм энэ газрын нөлөөнд дарагдан дуу нь улам аймшигтай болж сонсогдоно.
"Энд юу болсон гэж чи бодож байна, Алекс?"
Алекс хэсэгхэн зуур бодол болон зогсох хооронд агаарт тогтсон чимээ аниргүй байдал ноёлж улам бүр нам гүм болсон мэт санагдана.
"Яг тэр гол хэсэгт нь ямар нэг юмыг устгасан юм шиг харагдаж байна."
Аамир толгой дохилоо. "Энэ яг ингэж харагдаж байгаа. Шалтгааныг нь нэрлэж чадах уу?"
"Ид шид үү? хэмээн Алексыг асуухад.
"Тийм ээ, би ч гэсэн тэгж бодож байна." гэж Аамир дуугаа арай өндөрсгөж хэллээ.
"Үүнийг чи надад яагаад харуулж байгаа юм бэ?" Алекст хоолой нь ямар ч хүчгүй сул, огт өөр хүнийх шиг сонсогдов.
Аамир эрүүгээ доошлуулж амьсгалаа алгуур удаан гаргалаа. "Чамайг ид шидийг ойшоож үздэг гэж би бодохгүй байна, Алекс Вэббер. Энэ чинь ердийн нэг илбэдсэн навч, гялтганасан алтлаг өнгийн гэрэлтэй адилхан биш. Бид гайхамшгийг бүтээж чаддаг, тийм шүү. Гэхдээ ид шидийг юм устгахад, бүр бүгдийг устгаж хөнөөхөд ашигладаг хүмүүс бас байдаг." Түүний хэлсэн үг тэр устаж үгүй болсон газарт шингэх шиг болов.
"Би ид шидийг ойшоож үздэг." гэж Алекс хариулаад "Мэдээжийн хэрэг, би ингэдэг. Ид шид ямар хүчтэй болохыг би харсан юм чинь. Захирал юу хийж чаддагийг би бас харсан." гэж нэмж хэллээ.
Аамир бүтэн биерээ эргэж Алексыг анхааралтай харав. Түүний нүүрний тал сүүдэртэж харагдана.
"Арай үгүй байлгүй дээ, Алекс. Би үүнд чинь итгэхгүй байна."
Алекс дуугаа хураалаа. Тэр ямар үр дагаварт хүрч болохыг бодож үзэлгүйгээр өөрөө дур мэдэн энэ аюултай нөхцөл байдалд орсон гэж үү?.“ Tэр ингэж бодохгүй байлаа. Шилтгээнд хаа сайгүй үл мэдэх олон аюул нүүрлэж байж мэдэх ч одоо хүртэл тоглоомоо аюулгүй үргэлжлүүлж байгаа гэсэн бодол түүнд төрөв. Харин тэр Аамирт ямар сэтгэгдэл төрүүлдгээ мэднэ. Алекс дотроо олон нууц хадгалж байгаа ч өөрийг нь хачин харцаар ширтэн зогсож буй энэ хүүд гэнэн томоогүй, хуумгай нэгэн шиг харагддаг.
Aамир бага зэрэг тайвширч биеэ суллан дуугаа аядуу зөөлөн болгов. "Би чамайг айлгаж цочоохыг хүсээгүй. Үнэн шүү. Би бүгдийг ойлгож байна. Чи өөрийгөө эндээс оргож зугтахыг хүссэн анхны сурагч гэж бодсон бол их хол андуурсан байна." Хүү уйтгар гуниг төрүүлэм тэр газрыг харж хэсэг дуугүй зогслоо. "Би чамд зөвхөн бидний нөхцөл байдал ямар ноцтой байгааг, бас чиний өөрөөсөө түлхэн холдуулахыг хүсэж байгаа тэр ид шид гэгч хичнээн их хүч чадалтай болохыг харуулах гэсэн юм."
"Урьд нь зугтахыг оролдсон хүмүүст юу тохиолдсон юм бэ?
Aамир мөрөө хавчаад "Зарим нь эндээс гарах замаа олж чадаагүй."
"Тэгвэл бусад нь яасан юм бэ?
"Тэд чадаагүй," гэж хэлээд Аамир доошоо харлаа. "Чи хэрвээ зугтахыг оролдвол би чамайг зогсоож чадахгүй, Алекс. Гэхдээ чамаас гуйя, болгоомжтой байгаарай. Чамд муу юм болохыг би хармааргүй байна."
Тэд нэг хэсэг чимээгүй зогсож, зөвхөн салхины аясаар хоорондоо шүргэлцэж хугарах хуурай мөчирний чимээ л энэхүү нам гүм байдлыг эвдэлж байлаа.
Спеллшадоугаас явж болох ганц арга замын талаар бодож зогссон Алекс эцэст "Урьд нь чи энд суралцаж төгссөн сурагчдын талаар ярьж байсан," гэсэнд
"Тэгэхээр би хийж чаджээ," гэж Аамир мөрөө цэхэлж зогсоод хэлэв.
"Энэ чинь юу гэсэн үг вэ?
"Зөв асуулт тавилаа."
"Энэ чинь хариулт биш."
Аамирын царай хувирч харц нь ширүүн болов. "Төгссөн сурагчид эндээс бүр мөсөн алга болсныг л бид мэднэ. Бид тэднээс юу ч олж сонсоогүй, бас тэдний тухай ярилцдаг ч үгүй."
Алекс уруулаа долоогоод "Тэд дэлхий дээр хүссэнээрээ дур зоргоороо амьдарч байгаа гэж чамд бодогддоггүй юм уу?" гэж асуулаа.
Аамир тохуурхсан маягтай "Бид тэднээс ямар нэг юм олж сонсох болов уу гэж үү? Тэдний аль нэг нь хяналтнаас мултарч гарч чадсан болов уу гэж үү? Эсвэл нэр хүндтэй сурагчдынхаа амжилтыг багш нар сайрхаж ярьдаггүй юм байх даа гэж үү? Бидэнд үлгэр дуурайлал болж хүсэл эрмэлзлэлийг минь төрүүлэх болов уу? Ядаж тэдний нэрийг ч гэсэн сонсох юмсан гэж үү?" хэмээн хэлэв. Тэрбээр нүд нь сарны гэрэлд гялалзаж, царай нь хувхай цайн санаа их зовж байгаа нь илт харагдана. "Үгүй, тэд дэлхий дээр өөрсдийнхөө замыг хөөж яваа гэж би бодохгүй байна."
Гэнэт хачин аашилж байгаа Аамираас Алекс зовлон зүдгүүр, ганцаардлыг мэдрэв.
Аамир айж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.16.17 12:31 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Өнөөдөр Энэ цуврал номны 5 болон сүүлчийн 6 дахь дэвтрийг худалдаж авлаа. Уншмаар байдаг, гэвч номоо орчуулмаар байдаг. ккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.16.17 4:03 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 15

Аамир Алексыг дахин цэцэрлэг дундуур дагуулж явсаар тэг голоор нь цуулж хуваасан мэт харагдах нэг модны дэргэд хүрч ирлээ. Тэр доошоо тонгойж зам дээр хэвтэх хайрга чулуу, шороог хөлөөрөө зайлуултал тэнд нэг жижигхэн модон хаалга ил гарч ирэхийг Алекс харав. Аамир хаалгыг амархан өргөж онгойлговол тэд доошоо харанхуй руу уруудаж орсон модон шатыг олж харлаа.
"Энэ бол зөвхөн бидний мэддэг нууц газар. Харин доошоо буухдаа би урд чинь орж явна." гэж Аамир хэлээд газар доорхи агуй шиг харагдах тэр нүх рүү шатны гишгүүр бүр дээр болгоомжтой гишгэн орж харанхуйд үзэгдэхгүй болов. Сарны гэрэлд сүүмэлзэж харагдах чимээ аниргүй цэцэрлэгт ганцаараа үлдэж хоцорсон Алекс Аамиртай ярьсан яриагаа бодож зогслоо. Нүхнээс нойтон модны хөгц, бас боссон тоос шорооны үнэр ханхална.
"Ороод ир," хэмээн Аамир дуудлаа. "Энэ хоосон байна."
Алекс дороо эргэн шатнаас барьж, доошоо аажуухан буулаа. Түүнийг харанхуйд тэмтчин доошоо бууж байтал Аамир гэрэл гаргав. Тэр хоёр удаа хурдан хөдөлгөөн хийтэл өрөөний мухарт байсан хэдэн бамбарт гал авалцан аслаа.. Хөгжилтэй асах бамбарын дөлөнд өрөө тодорч харагдав.
Энэ дарс агуулдаг зоорь ажээ. Магадгүй тийм байсан бололтой. Зоорийг шилтгээнд харагддагтай яг адилхан, он удаан жил ашиглаагүй бололтой хэдхэн тооны шилтэй дарс өрж тавьсан том модон тавиурууд нь тоос шороо, аалзны торонд битүү дарагдсан харагдана. Бохир заваан болсон таазыг нь хэдэн модон тулгуураар дээш нь тулж тогтоожээ. Аамир шат руу буцаж явахын өмнө хоосон зоорийг дахин нэг тойруулж харлаа.
"Жари, Натали хоёр энд удахгүй ирэх ёстой. Чи энд ганцаараа байж чадна биз дээ?" Тэрбээр Алексын хариуг хүлээж хөлөө шатны доод гишгүүр дээр тавиад дуугүй зогсов.
Алекс зоорийг тойруулж хараад "Тийм ээ, би ганцаараа байж дөнгөнө." гэж хэлсэнд
"Сайн байна," хэмээн хэлээд Аамир арагшаа эргэж ч харсангүй, дээд талын хаалгыг онгойлголоо.
Хоосон зооринд үлдэж хоцорсон Алекс Аамирын анхааруулж хэлснийг бодож зогсов. Магадгүй тэр шийтгэл авахаас л илүү айж болгоомжлох хэрэгтэй бололтой. Гэвч Спеллшадоугаас зугтаж чадахгүй бол бүх юм өнгөрлөө гэсэн үг. Аамир өөрт нь хэлж чадаагүй өөр олон юу мэддэг юм бол? Тэр хүү ямар нэг юм нуугаад байх шиг Алекст санагджээ.
Алекс энэ төөрдөг байшингаас гарах зам олдож юу магад гэж бодон дарсны тавиур дээр харагдах хэдэн шил рүү очиж шилэнд наалдсан аалзны тор, тоосыг хам хум арчлаа. Алекс дарсны шошгыг уншихаар шилийг эргүүлэхэд гар дээр нь тоос манарч унав.
Fields of Sorrow, 1908.
"Сайн уу?"
Алекс цочиж дороо цовхорсноо дээшээ харлаа. Жижигхэн хар муур дарстай шил тавьдаг нэг ховилыг таглаад сууж байв. Муур сүүдрэн толгойгоо гэдийлгэн амаа том ангайлгаж эвшээлээ.
Алекс сүүдрэн дүрснээс нүдээ салгалгүй шилийг байранд нь буцааж тавив. Энд ганцаараа биш байгаагаас үзэхэд энэ газар нууц биш бололтой. Спеллшадоуд хаана ч байлаа гэсэн чи ганцаараа байх боломжгүй юм байна гэсэн мэдрэмж түүнд төрлөө.
"Чи нилээн тайвширсан харагдаж байна," гэж муур бодсоноо хэлэв.
Алекс мууртай ярилцах нь зөв үү хэмээн өөрөөсөө асууснаа гараа халаасандаа лавхан шургуулж нүдээ тас анилаа. Түүнтэй анх уулзсан үетэй харьцуулбал Алексын болгоомжлол огт багасаагүй билээ. Бүр илүү хашир болсон ч байж магадгүй.
"Надтай ярилцах нь бас тийм муу юм биш," гэж муур эмзэглэсэн шинжтэй хэлээд "Би чамд анхааруулах гэж наашаа бүр зориуд ирсэн." гэлээ.
"Юу гэнээ?" хэмээн асуусан Алекс эсэргүүцэхээ больж эмээсxийн "Өнөө орой би хангалттай их анхааруулга сонссон." гэж хэлэв.
"Өө тийм л дээ, би үүнийг мэдэж байгаа," Муур цээжээ хүржигнүүлж, сүүлээ хөдөлгөлөө. "Энэ их сонирхолтой байсан шүү. Гэхдээ чиний болгоомжилвол зохих нүдэнд үзэгддэггүй маш олон зүйл яг энд дэргэд чинь байгаа гэж чамд санагдахгүй байна уу? Тэр жижигхэн амьтнаас гарамгүй чанга дуугаар зоорийг доргиж чичиртэл хөхөрлөө. "Одоо би чамайг мэднэ. Анх таарах үед би чамайг сайн мэддэггүй байсан, одоо харин чамайг сайн таньж байна."
Сандарч эхэлсэн Алекс улам их даарч тэрбээр хүрмээ заслаа. Зооринд маш хүйтэн байсан учир түүний хуруунууд үзүүрээсээ чимчигнэж эхлэв. Муур цааш нь яриагаа үргэлжлүүлэхийг Алекс хүлээсэн боловч тэр тэгсэнгүй, харин тэрний оронд нь хумсныхаа торгон үзүүрээс манан шиг сүүдэр гаргасаар сарвуугаа долоож эхлэв.
"Чи юу юм бэ?" гэж Алекс эцэст нь асуулаа. "Чи юу хүсээд байгаа юм бэ?"
"Намайг нуур гэдгийг бид хоёр аль хэдийн тогтоочихсон биш бил үү? Би юу хүсэж байгаа вэ гэвэл..." Муур чихээ урагш нь хулмалзуулан хөдөлгөв. "... Би их юм хүсээгүй. Ихэвчлэн зүгээр л хармаар байдаг. Би чамд зүгээр л болгоомжтой байгаарай гэж сануулах гэсэн юм. Профессорууд..." Тэр хүржигнэх инээх хоёрын завсар нэг хачин дуугарснаа "Тэд харагдаж байгаа шигээ хагас ухаантай хүмүүс биш. Захирлын талаар бүр ярих ч юм биш." гэлээ.
Алекс муурыг цоо ширтэв.
"Энэ бол чам шиг хүмүүсийн байх газар биш." гэж тэр яриагаа үргэлжлүүснээ "Тийм учраас маш болгоомжтой бай, чи ч гэсэн тийм байхыг хүсэж байгаа биз дээ? Чамайг сургуулиа хэтэрхий хурдан төгсчихөөсэй гэж би лав хүсэхгүй байна шүү." гэж хэлэв.
Алекс доод уруулаа шилэмдэж норголоо. "Сургуулиа төгсөх гэсэн үү?"
Муур харамсаж буйгаа илэрхийлэх мэт аяархан исгэрснээ "Чи үүнийг одоо хүртэл олж мэдээгүй юм уу? хэмээн асуув.
Тэгтэл дээр нь ойртон ирж яваа хүний хөлийн чимээ гарч Алекс түр зүг рүү харлаа.
"Энэ газрыг хуучин проффессоруудын нэг ашигладаг байсан гэж би сонссон," хэмээн чанга хэлэх Жаригийн дуу гарав. "Шал ногооноороо амьтан."
"Тэгээд юу болсон юм бэ?" гэж Натали асуулаа.
"Тэр эмэгтэй бусдын адил эндээс явсан гэсэн. Солигдсон. Бид хүрээд ирлээ! Бид доошоо бууна шүү."
Алекс эргэж харвал муур аль хэдийн явчихсан байжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.17.17 12:13 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 16

Жари нүдээ ирмэж цагийн дараа эргэж ирнэ хэмээн хэлээд тэднийг орхиж шилтгээн рүү буцаж явахад Алекс. Натали хоёр жижигхэн хүйтэн зооринд үлдлээ. Зөвхөн хоёулхнаа байгаа гэж найдахаас.
Айж сандран, сэтгэл нь хөөрч догдолсноос Наталигийн нүд очтон гялалзаж харагдана. "Хоёулаа одоо оргоно биз дээ?
"Оролдоод үзнэ." гэж Алекс хариулаад "Бид гарах хаалгануудаас эхэлсэн нь дээр гэж бодсон учраас би энд ирэхийг хүссэн юм. Энд хоёулхнаа нууж хаалгүй ярилцаж чадна." гэлээ.
Натали толгой дохиход үс нь бамбарын гэрэлд гялтганаж харагдав. "Зөв бодсон байна."
Тэд буцаж модон шатаар авиран эвдэрч сүйдсэн цэцэрлэгт гарч ирээд аль хэдийн хатаж үхсэн моддын дундуур зам гарган урагшлав.
"Энд аймаар юм." хэмээн элгээ тэврээд алхаж явсан Натали хэлээд "Энэ шилтгээнд байдгаас илүү аймшигтай харагдаж байна." гэлээ.
"Би сайн мэдэхгүй байна," гэж хариулаад Алекс урд нь тээглэсэн хатсан мөчирнүүдийг зайлуулснаа "Ямартай ч энэ цэцэрлэг өөрийгөө нууж хаалгүй ил харагдахыг хичээдэг. Шилтгээн дотроо сургууль шиг харагддаг ч энэ жинхэнэ биш байгаа биз дээ?"
"Энэ чинь юу гэсэн үг вэ?"
"Үнэндээ эндэхийн багш нар нэг их хичээл заадаггүй, тийм биш гэж үү? Тэд зөвхөн анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө хянахыг заадаг." Алекс өнөө орой олж сонссон охиныг айлгачихаж мэдэх тэр зүйлийг хэлэх эсэхдээ эргэлзэж хэсэгхэн зуур дуугаа хураалаа. Магадгүй охин цэцэрлэгт харагдсан хар тогоо шиг харанхуй задгай газар, Аамирыг эзэмдсэн айдас, эсвэл муур шиг дүрсний талаар мэдэх шаардлагагүй байж мэдэх юм. "Бас сургуулиа төгссөний дараа юу болдгийг мэдэх нэг ч хүн алга, гэхдээ энэ сайн зүйл биш бололтой." гэж тэр хэлэв.
"Чиний зөв. Энэ сургууль шиг санагддаггүй. Сурагчид их хачин зантай, тэд дуу цөөтэй, бас найзлахад ч хэцүү. Тэд бүгдээрээ айдастай байж магадгүй."
"Энэ миний гайхширлыг төрүүлэхгүй байна," Алекс oхинтой ярилцахыг хүсэж байсан зүйлээ санажээ.
"Би чамаас саарал нөмрөгтэй эрэгтэй хүний талаар асууж байсныг чи санаж байна уу?"
"Профессор Дөрхиний ангид уу?"
"Тэрнээс өмнө. Мидлдэйл Ахлах сургуулийн сувилагчийн өрөөнд."
"Үгүй..., тэр үеэс хойш би бараг юу ч санахгүй байгаа." гэж тэр гомдолтой хариулав.
"Би түүнийг Эрэлчин гэж би бодож байгаа. Тэр ид шидтэй хүмүүсийг олсны дараа тэднийг энд авчрахын тулд илбэддэг. Энэ бол сургууль гэж нэрлээд байгаа энэ газрын бас нэг аймшигтай нууц."
"Гэхдээ тэр чинь хүнд харагдах ёсгүй биз дээ?
Алекс гэнэт дороо зогстол Натали хүүг мөргөх шахав. "Тэр тийм гэж үү?
"Сурагчдын байранд хамт байдаг охид ингэж ярьж байсан. Тэр хүнд харагдаж болохгүй, бас түүнийг хэн ч харж байгаагүй гэсэн."
Тэд дахин цаашаа хөдөлж Алекс дотроо бодлогошрон алхав. Энэ ямар учиртай юм бол?
"Алекс," Натали эвдэрхий зам дээр зогслоо. "Хэрвээ бид зугтах арга олвол, хэрвээ бид үүнийг чадвал... Бид бусад сурагчдыг энд зүхээр орхичихож болохгүй биз дээ? Тэднийг бүгдийг нь гэрээс нь авчраагүй байлгүй?"
Алекс санаа алдав. Тэр Аамир эсвэл Жаригаас тэдний хувийн амьдралын талаар асууж байгаагүй ажээ. Наталигийн зөв гэдгийг тэр мэдэж байлаа. Бөөнөөрөө зугтах гэж үү? Тэд үүнийг яаж хийх болж байна аа?
Хашааны хаалганд ойртож ирэх үед Алекс "Эхлээд хоёулаа эндээс зугтахаа бодсон нь дээр." гэж хэллээ.
Шилтгээний том хаалга Алексын дотроо санаж байсантай адилхан харагдав. Зэвэнд идэгдсэн гар шиг бүдүүн төмөр савхнуудтай энэ хаалга урьд өмнө дэлхийн хаана ч харж байгаагүй асар их хэмжээний мөлхөө ургамалд дарагджээ. Хаалганы хоёр талаас эхлэн оройг нь харваас жихүүдэс төрүүлэм хурц өргөстэй тороор ороосон, өндөр тоосгон хана хэрэм үргэлжилжээ. Хэрэм цэцэрлэгийн модноос хамаагүй өндөр харагдана.
Алекс урагшаа алхаж хэсэг мөлхөө ургамлаас хоёр гараараа зуурч авлаа. Ургамал бат бөх, хөдөлгөөнгүй, бас мөс шиг хүйтэн ажээ. Алекс хэрмийг давж гарахаар шийдэн барьцаа лавшруултал гар нь улам хүйт оргиж ясандаа тултал хөлдчих шиг болов. Тэр дуу алдан ёолж, арагшаа ухран ургамлаас салгаж авсан гараа хооронд нь хүчтэй үрлээ. Гар нь дулаацсангүй, тэрбээр дагжин чичирч харагдана.
" Би оролдоод үзье," гэж хэлээд Натали мөлхөө ургамалд ойртов.
"Үгүй, битгий хүр!" гэж Алекс хурдан хэллээ. "Энэ өвдтөл хайрч байна."
"Би зүгээр л оролдоод үзэх гэсэн юм." Охин Алексын хажуугаар өнгөрлөө.
Тэр хүйтнээс ч айлгүй хаалганы хоёр хавтсыг хамаг хүчээрээ сэгсчиж гарав. Дараа нь тэр хойшоо нэг алхам ухарч анхаарлаа төвлөрүүлэн нүдээ аньж зогслоо. Тэгтэл ангид харж байсантай адилхан зөөлөн алтлаг өнгийн аура охины гарыг бүрхэж авлаа. Натали хөмсгөө зангидан гараа сунгаж ид шидийнхээ хүчээр хаалгыг хүчтэй түлхэв. Хаалганд ид шид олигтой нөлөөлсөнгүй, гэрэл цацарч мөлхөө ургамал дээр бороо шиг асгарснаа унтарчихав.
Натали дахин оролдож үзэхээр шийдэж, энэ удаа тэр гараа хаалганы төмөр лүү чиглүүллээ. Гар нь алтан дөл шиг гэрэлтэж байснаа тэр дороо унтарч, дөлнөөс унасан цацраг дахиад мөлхөө ургамал дээр унав. Гурав дахь удаагийн оролдлого ч мөн адил бүтэлгүйтэж, дөрөв дэх оролдлого дээрээ тэр бүр аурагаа өмнөхтэйгөө адилхан гаргаж чадсангүй.
"Бид үүнийг яаж хийх ёстойг би сайн мэдэхгүй байна," хэмээн Алекс амандаа бувтнах үед Аамирын хэлсэн үг чихэнд нь сонсогдох шиг санагдав. Тэр арга саам олохыг хичээж тархиа ажиллуулж эхэллээ. Магадгүй тэр хашаан дээгүүр давж гарахад ашиглах хэрэгсэл хийж болох юм... Зооринд байгаа шат хэтэрхий богинохон ч түүнийг ашиглах арга олдож магадгүй. Бас иймэрхүү хэрэгсэл хийх үед хүний анхааралд өртчихөж мэднэ. Тэр үүнийг яаж нууцлах вэ? Хамгаалалт хийхэд ямар төрлийн шидэт тарни ашигладаг юм бол?
Алекс Наталиг харангуут бүх төлвлөгөө мартаж хамаг бие нь хүйт оргилоо. Охин газарт хөсөр унан нүүрээ алгаараа дарж хэвтжээ. Алекс охины дэргэд сөхөрч суугаад гараа мөрөн дээр нь тавив. Мэгшин уйлж хэвтсэн Натали өвдөглөн сууж Алексыг наллаа.
"Хөөе," хэмээн Алекс охиныг аяархан дуудаад "Найдвараа алдаж болохгүй шүү. Хоёулаа энэ муухай газраас гарах замыг заавал олно. Би чамд амлаж байна." гэж хэлэв. Тэр охинд өгсөн амлалтаа яаж биелүүлэхээ мэдэхгүй байсан боловч охинд үүнийгээ хэлэхийг хүссэнгүй.
Хэдэн хормын дараа Натали биеэ барьж уйлахаа зогсон нулимсаа арчлаа. "Гэрийнхэн маань надад их санаа зовж байгаа." гэж тэр аяархан мэгшин хэлээд биеэ цэхэлж суув. "Миний дүү Элена... тэр дөнгөж саяхан дунд сургуульд орсон. Бид өдөр болгон ярилцдаг байсан."
Алекс ээжийнхээ тухай дахиж бодох үед цээж нь хөндүүрлэж өвдөв.
"Чи гэрийнхэн рүүгээ буцаж очно," гэж тэр охиныг тайтгаруулахын сацуу өөрийгөө ятгах мэт хэллээ. Тэрбээр хүчлэн инээмсэглээд "Би дүүд чинь чамайг хамгаална гэж амласан болохоор надад сонголт байхгүй. " гэж нэмж хэлсэнд
"Чи үүнийг сайн биелүүлж байгаа," гээд Натали санаа алдав.
Тэд дахиад хэдэн хором чимээгүй суусны эцэст Натали хаалга руу харснаа шүд зуун биеэ чангалж хөл дээрээ босоод "Надад нэг төлөвлөгөө байна," гэлээ. "Намайг хүчтэй болтол бид нэг хэсэгтээ эндээ үлдэнэ. Би бүх цагийн турш дасгал хийх болно. Дараа нь хоёулаа энд буцаж ирээд би энэ хаалгыг дэлбэ татаж чадах ид шид ашиглаж онгойлгоно. Тэгээд бид бүх сурагчдад хэлж тэднийг эндээс гаргаж авцгаая." Натали Алекс руу харах үед түүний нүд очтон гялалзаж байлаа. "Чи харин надад хичээлээс гадуур өөр газар дасгалаа хийхэд минь тусла."
Алекс өөр боломж байгаа эсэхийг тунгааж бодохоор нэг хором хэртэй чимээгүй зогслоо. Энэ охины хэлсэн шиг тийм амархан байж таарахгүй. Тоо томшгүй олон сурагчид нэг зэрэг оролдож үзвэл магадгүй л юм. Хэрвээ Наталиг оргохыг зохион байгуулсан гэж мэдвэл түүнийг хүндээр шийтгэж ч мэднэ.
"Энэ бол сайн бодож үзсэн төлөвлөгөө," гэж Натали батлах маягтай хэлээд Алексыг хариу хүлээх мэт харлаа.
"Тийм шүү, энэ сайн болжээ." хэмээн Алекс охиныг санаагаар унагахгүйг хичээж хэлээд "Тэгвэл хоёулаа дасгалаа даруйхан эхэлцгээе." гэж нэмж хэлэв. Натали ид шидээ хүчирхэг болговол түүнд өөрт нь ашигтай.
Харин тэр хооронд Алекс зарим нэг юмны учрыг олох хэрэгтэй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.17.17 7:25 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Уншиж байгаа шүү. Наран номоо цаасаар авдагуу онлайнаар авдаг уу?

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Dec.18.17 1:34 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
KillerS wrote:
Уншиж байгаа шүү. Наран номоо цаасаар авдагуу онлайнаар авдаг уу?

Аль алинаар нь, Нидерланд хэл дээр номоор нь авдаг, харин Англи номыг ихэвчлэн цахим ном хэлбэрээр худалдаж авдаг.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.20.17 9:20 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 17

Аль хэдийн хоёр долоо хоног өнгөрчихөөд байхад Алекс хэдхэн энгийн ид шид хийж сурснаас өөрөөр гавьтай юм хийж чадсангүй. Тэр хонгилуудын учрыг арай дээр гадарладаг болсон ч хавханд орчихож магадгүй гэдгээс айж, дотроо их шаналах болжээ. Анх Алексыг энд ирэхэд Аамир ид шидээ жинхэнээсээ ашигладаг болж сурах хүртэл хэдэн долоо байгаа гэж хэлж байсан. Гэтэл өдөр хоног бодож байснаас нь илүү хурдан өнгөрч байх шиг санагдана.
Натали тун удахгүй шилтгээний гол хаалгыг онгойлгохоор дахиж оролдож үзнэ гэдэгт итгэн улам бүр шамдах болжээ. Харин Алекс төлөвлөгөөндөө санаа зовох нь улам их болсон ч түүнд өөр сонголт байсангүй. Тэр ганцаархнаа гол хаалга руу хэдэн удаа очиж үзсэний дараа энэ хаалгаар гарах боломжгүй гэдгийг баттай мэдэж авчээ. Алекс гараа хаалганд хүргээд арван хоёр секундээс илүү удаан тэсэж чадсангүй, тэр бас хаалгыг аминд аюултай ид шидээр хамгаалаагүй гэдэгт итгэж чадсангүй.
Наталигийн зөвлөсний дагуу тэр Жари, Аамир хоёртой илүү дотно нөхөрлөдөг болжээ. Магадгүй өөрөөс нь хувь илүү их юм мэддэг байж болох тэд өөрт нь туслахыг хүсэх ч юм бил үү.
"Энд байгаа хүмүүс бас бид хоёр шиг эндээс зугтахыг хүсдэг гэж чамд бодогдохгүй байна уу?" гэж Натали нилээд ноцтой асуухад
"Тэд их айдаг юм шиг байна лээ." хэмээн хариулахдаа Алекс Аамирын талаар бодож байжээ. "Тэд өөрсдийнхөө аюулгүй байдлын төлөө биднийг барьж өгөхөөс буцахгүй байж ч мэднэ."
"Болгоомжтой байгаарай," гэж Натали салж явахдаа түүнд анхааруулжээ.

Алекс Аамир, Жари хоёрын хамт зохион бүтээх лабораторит байлаа. Тэр хоёр Алексын хувьд их нууцлаг бөгөөд сонирхлыг нь татсан нэг төсөл дээр ажиллаж байгаа ажээ. Толгойдоо томруулдаг шил зүүж, гартаа нарийн хийцтэй багаж барьчихаад нэг жижигхэн аппарат руу харан хоорондоо маргалдаж буй хоёр хүүг Алекс тэдний ажлын ширээний дэргэд явган сандал дээр суугаад ажиглан харж байлаа. Өрөөнд хаа сайгүй аяархан тас нясxийх чимээ гарч, бас эргэн тойронд нь олон цаг зэрэг цохилох дуу сонсогдоно.
Үнэхээр өрөөний бүх ханыг дүүртэл том жижиг, янз бүрийн хэлбэртэй олон тооны цагнууд өлгөжээ.
Алекс хоёр найзынхаа яриан дундуур орж "Ингэхэд энэ аппарат хөдөлдөггүй мөртлөө яаж ажилладаг юм бэ?" хэмээн асуулаа. Алекст Мидлдэйл Ахлах сургуулиас Наталигийн араас дагаж гарах үед гар утас нь байсан, харин утас нь алга болсныг бодоход Спеллшадоу хүрэх замд Наталитай ноцолдох үед халааснаас нь уначихсан бололтой. Наталид угаасаа гар утас байгаагүй, тэр бүр цаг ч зүүдэггүй ажээ. Тиймээс тэр хэд хоногийн өмнө шинэ найз нарынх нь ярьж байсан энэхүү оньсгүй технологийн онолын учрыг олж чадсангүй.
Жариг эргэж харахад Аамир тэр боломжийг ашиглан ширээн дээрээс нэг шөвөг шиг багаж шүүрч авлаа.
"Бид ихэвчлэн цагны механизм ашигладаг. Цахилгаан үүсгүүртэй механизм ажилладаггүй юм, харин бид хуучин цагийн байгалийн шинжлэх ухаанд үндэслэж хийсэн зүйл дээр бага зэрэг ид шид хэрэглэж чаддаг юм. Өөрөөр хэлбэл чи хэрвээ ид шид, цагийн механизм хоёрыг нэг зэрэг хэрэглэж чадвал тэр үед чи үнэхээр бүгдийг хийж чаддаг болно гэсэн үг." хэмээн шаргал үст хүү ухаалгаар хэллээ.
Аамир хурууныхаа үзүүрээс бяцxан алтлаг өнгийн гал гаргаж машинд хүргэхэд машин чичрэн хөдөлж байснаа таг зогсохыг Алекс харав.
"Энэ бүтэхгүй гэж би чамд аль хэдийн хэлсэн биз дээ," хэмээн хэлэхдээ Жари аппарат руу хяламхийж ч харсангүй.
Аамир уурлаж чанга хашгирлаа.
Aппаратны эд ангийг хооронд нь нарийн тааруулж угсарсныг Алекс хараад түүнд эрхгүй татагдав. Тэр аппаратанд Алексын мэддэг нэг юм байлаа.
"Энэ юу хийдэг юм бэ?" гэж тэр аппаратыг нүд салгалгүй харсан хэвээрээ асуув.
"Энэ хөл дээрээ босож алхах ёстой юм, гэтэл Аамир усан хөдөлгүүрийг нь яаж хийх ёстойг мэдэхгүй байгаа."
"Өө, чи ч гэсэн үү?"
Жари аппарат руу тонгойж хараад
"Чи наад ид шидээ буцааж ав," гэж хэлсэнд Аамир санаа алдсанаа гараа сунгаж жижигхэн алтлаг өнгийн гал барьж авлаа.
Аппаратыг улам их сонирхох болсон Алекс "Чи өөрөө үүнийг хийж чадахгүй юм уу?" гэж Жаригаас асуув.
Жари уруулаа бага зэрэг ярвайлгаснаа "Чи хүссэнээ хийхийн тулд өөр хүний ид шидийг ашиглахад үнэхээр хэцүү. Үүнийг яаж хийдэг талаар бичсэн бүх номыг нуучихсан. Бас бид эхэлсэн ажлаа зогсооё гэвэл... бидний хувьд энэ бүр ч боломжгүй." гэлээ.
Жари томруулагч шилээ нүд рүүгээ буулгаад линзээ бараг аппаратанд шүргүүлэх шахам тонгойж жижигхэн аппаратыг ажиглаж харав. Тэр гар дахь багажаараа хэдэн хором тохиргоо хийж байснаа Алексыг харлаа.
"Үүнийг хийхэд чи ч гэсэн оролцмоор байна уу?"
Аппаратыг улам сонирхож эхэлсэн Алекс "Чи өөрөө үүнийг хийж чадахгүй юм уу?" гэж Жаригаас асуув.
Жари уруулаа бага зэрэг ярвайлгаснаа "Хүссэн зүйлээ хийх үед өөр хүний ид шидийн хүчийг ашиглахад маш хэцүү. Үүнийг яаж ашигладаг талаар бичсэн бүх номыг биднээс нуучихсан. Бас бид эхэлсэн ажлаа зогсооё гэвэл... бидний хувьд энэ бүр ч боломжгүй." гэлээ.
Жари томруулагч шилээ нүд рүүгээ буулгаад линзээ бараг аппаратанд шүргүүлэх шахам тонгойж жижигхэн аппаратыг ажиглаж харав. Тэр гар дахь багажаараа хэдэн хором тохиргоо хийж байснаа Алексыг харлаа.
"Үүнийг хийж дуусгахад чи ч гэсэн оролцмоор байна уу?"
Алекс үсээрээ оролдон замбараагүй болгож сууснаа "За яахав, би үүнийг хамт хийлцмээр л байна, гэхдээ би ид шид ашиглаж чадахгүй." гэж хэлэхэд Жари инээж
"Энд чи ид шид ашиглах хэрэггүй," гэж хэлээд томруулагч шилээ тайлж өгөхөд Алекс шилийг толгойдоо бэхэлж нүдэндээ ойртуулав. Тэгтэл жижигхэн машин томорч жижигхэн шүдтэй дугуй араа гялалзаж харагдлаа.
"Тэр араа бусадтайгаа яаж холбогдсoныг чи харж байна уу?" гэж хэлээд Жари хоёр газар луу заав.
Алекс толгой дохилоо.
"Тэгвэл одоо үүнийг хар даа."
Тэр нэг өчүүхэн алтны өөдөс гаргаж ирэн хоёр арааны дунд суулгатал дугуй араанууд хүчээ авч алгуурхан эргэлдэж эхлэв. Алекс анхааралтай ажиглан харж байлаа. Машин байрнаасаа бараг хөдлөх гэтэл хоёр арааны дунд хэсгээс нэг зүйл мулт үсрэв.
Жари Алексын гарт нэг бяцxан юм хавчуулсан жижигхэн хавчаар бариуллаа. Хавчаарны үзүүрт харагдах зүйлийг томруулагч шилээр харвал мултарч үсэрсэн хэсэг байжээ.
Алекс тэр зүйлийг байранд нь буцааж оруулаад маш удаан болгоомжтой бэхлэв. Энэ нарийн ажилбарыг хийх үед тэр их хичээсэн учраас ажил дуусаж бэлэн болох хүзүү нь өвдөж, гар хуруу нь бүр хөшчихсөн байсан ч тэр хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байлаа. Аамир саад болохгүйг хичээн аппаратыг анхааралтай ажиглан харж ,харин Жари юу ч хэлсэнгүй, зөвхөн толгой дохив.
Алексыг бэлэн болоход Жари нөгөө машиныг ид шид ашиглаж ажиллуулахаар гараа сунгалаа. Араанууд эргэлдэж эхлэхэд аяархан хүнгэнэх дуу гарч байснаа тасxийх чимээ гарч, машин дотроос жижигхэн богинохон хөлнүүд цухуйв. Машин нуруун дээрээ тэнгэр харж хэвтсэн цох хорхой шиг хөлөөрөө тийчигнүүлэхэд Алекс түүнийг барьж хөл дээр нь зогсоолоо. Хөл нь тавцанд хүрэнгүүт тэр мужааны ширээн дээгүүр хурдлан явж өөр нэг хүүгийн хийж байсан зүйлийг шууд чиглэж очоод мөргөчихөв.
Мөргөлтийн чимээг дуу алдалт, хараалын үгс дагалдалж, Алекс ухасxийн очиж унасан цохыг барьж авлаа. Цох хөлөө тийчигнүүлэх боловч цуцчихсан юм уу гэмээр хөдөлгөөн нь удаан, эмх замбараагүй болжээ. Цагийн механизмын таглааны нүх сүвнээс бяцxан утаа уугиж харагдана.
Машин дээр сүүдэр тусахад Алекс толгойгоо өргөж харвал Аамир дээр нь тонгойчихсон зогсож байв. Баярлаж хөөрсөн тэрбээр хар нүд нь гялалзаж харагдана.
"Урьд нь чи иймэрхүү ажил хийж байсан уу?"
"Бага зэрэг," хэмээн Алекс хариулаад "Би жаахан байхдаа Робот хийдэг дугуйланд явж байсан. Би ийм юм огт харж байгаагүй. Энэ харин их энгийн механизм юм шиг байна, тийм биш гэж үү?" гэж хэллээ.
Жари ч мөн адил хөөрч догдолсон шинжтэй нүүр дүүрэн инээмсэглэчихсэн Аамирын дэргэд ирж зогсоод "Хэдүүлээ энд байнга ирцгээнэ! Бидэнд техниктэй холбоотой шийдвэрлэхэд хүнд хэцүү асуудал дандаа тулгардаг. Ид шид ашиглах чинь харин хамаагүй амархан." гэж хэлэв.
Аамирын уурлахыг харсан Жари түүнийг биеэ барь хэмээн хэлэх мэт нүдээрээ хариу өглөө.
"Аамир машин техникийн учрыг байнга олж чадна гэдэгт би эргэлзэж байна."
Аамир түргэссэн амьсгаагаа дарахыг хичээж, харин Жаригийн царай барайчихсаныг Алекс анзаарч харав. Ямартай ч хоёр хүү нэг л хачин байлаа. Тэд хоорондоо тохиролцчихсон мэт ширээн дээр дэлгэж тавьсан диаграмм руу нэгэн зэрэг харж дохио зангаа хэрэглэн маргалдаж эхлэхийг Алекс харж суув.
Алекс тэр хоёртой харилцаагаа сайжруулах үүднээс тэднээс өөрсдийнх нь талаар асуужээ. Аамирыг Энэтхэгийн Нью Дэлигээс авчирсан бол харин грек гаралтай Жари "олдох" хүртлээ Америкт амьдарч байжээ. Тэр хоёроос гэр бүлийнх нь талаар асуух үед тэд маш их болгоомжилж байгаа нь шууд мэдэгдсэн.Тэд хоёулаа сандарч мэгдэн харц нь тогтохгүй нүдээ эргэлдүүлж байснаа бараг адилхан хариулт өгчээ. Тэд энэ талаар ярилцахыг хүссэнгүй. Тэдний хариултыг сонсоод Алексын дотор хоосорчих шиг, маш гунигтай санагджээ.Тэд яагаад өөрөөс нь зай бариад байгаа юм бол? Эцэст нь Алекс тэд энэ талаар бодох үед сэтгэл нь их өвддөг байх гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэд хоёулаа энэ газраас хэзээ ч зугтаж гарч чадахгүй гэдэгт бүр итгэчихсэн. Гэр бүлийнхээ талаар бодох үед, эсвэл сөхөж яривал тэд зөвхөн өвдөлт мэдэрдэг. Тэр өөрөө ч гэсэн ухаанаа алдчихалгүй биеэ барьж байхын тулд ээжийнхээ тухай бодохгүйг хичээдгээ санаад Алекс эмээх шиг болжээ. Тэр одоо Аамир, Жари хоёр шиг зарим нэг юмнаас зайлсxийж сурчээ.
Гэвч Алекс тэр хоёр шиг болохыг хүссэнгүй. Тэр ингэж чадахгүй.
"Чи юу гэж бодож байна?"
Алекс нүдээ анивчуулаад хартал Аамир, Жари хоёр түүнийг асуунгуй харцаар ширтэж байлаа,
"Юу бодсон гэж?" хэмээн тэрбээр бодлоосоо салж асуув.
"Наад юмаа," гэж хэлээд Аамир Алексын гарт байгаа нөгөө бяцxан төмөр цох руу хуруугаараа зааснаа "Бидний хэрэглэсэн арга зарим нэг талаараа их дутуу дулимаг боллоо гэж би бодож байна." гэлээ.
"Гэхдээ л энэ жаахан ч гэсэн амь орсон, бүр үхчихээгүй," гэж Жари хэлэв.
"Тэр дэндүү их эрч хүчтэй байсан."
Нэг ширээнд хамт байсан тэдэнд өршөөлтэй хандсан нөгөө сурагч ийнхүү хэлэхийг Алекс сонсоод толгой дохисноо мөрөө хавчлаа.
"Байрандаа хөдөлгөөнгүй байснаас хөдөлсөн нь дээр гэж надад санагдлаа. Ямартай ч бид бага ч гэлээ үр дүнд хүрсэн. Алив, би дахиад нэг харъя..."
Жари түүнийг харж зогсох бөгөөд харин Аамир толгойгоо илснээ санаа алдаад харцаа нуухыг оролдон өөр тийшээ харахыг ажигласан тэрбээр
"Би зүгээр л бодсон юм," гэлээ.
Хананд өлгөөтэй олон цаг өндөр нам, бүдүүн нарийн өнгөөөр дуу дуугаа авалцах мэт буруу зөрүү холилдон цохилох чимээ өрөөгөөр нэг цуурайтаж эхэллээ.
"Оройн цаг уу?" хэмээн Алекс нүдээ томруулчихсан асуув.
Аамир өөр тийшээ харсан хэвээрээ чимээгүй зогссоор, харин Жари асуултанд нь хариу өглөө. "Тийм ээ, Бид өрөө рүүгээ буцаж очих хэрэгтэй.
"Бид хэрвээ дүрэм зөрчвөл юу болох вэ?" гэж Алекс асуулаа. Тэр хоолны дараа цэцэрлэгээр явж үзэхийг хүсжээ.
Аамир ухаан мэдрэлгүй болсон мэт гөлийсөн байдлаасаа гарч толгойгоо сэгсрэв. " Чи хөл хорионы цаг эхлэхээс өмнө өрөөндөө амжиж очих ёстой."
"Хм," Аамир өөр хариу үг хэлсэнгүй.
Тэр гурав өрөөнөөс гарахаар хаалга руу явтал Аамир гэнэт зогсож гараа сунгаад "Хүлээж бай," гэснээ Алекс хандаж "Чамд арай нөгөө цох байгаа юм биш биз?" хэмээн асуулаа.
Алекс толгой дохиод алгаа дэлгэж жижигхэн цохоо харуулав. Цохны хөл хөдөлгөөнгүй болжээ.
Жари нүүрээ ярвайлгаснаа "Өө, санасан нь яамай даа. Алекс чи наадахаа лабораториос гадагшаа авч явж болохгүй. Тэд чамайг хулгайн бараа тээвэрлэгч шиг л үзэх болно." гэж хэлэв.
Жари өрөөний арын булан руу очиж, Алексын буцааж өгсөн цохон машиныг дээр нь "Петра" хэмээн хаягласан бяцхан хайрцганд хийлээ. Дараа нь тэр буцаж ирээд Алексын мөрөн дээр зөөлхөн алгадав.
"Хэдүүлээ эндээс явцгаая!"

Тэднийг өрөөндөө буцаж ирэхэд Жари ор луугаа шууд үсрэн очиж зузаан дэвсгэртээ дээшээ харан хэвтлээ. Аамир түүнд дургүйцсэн байртай санаа алдсанаа Алекс руу харахад нүд нь "Ингээд нэмэргүй," гэж хэлэх шиг санагдав.
Тэр халаасаа ухан зогсож байснаа Алексын гарт нэг юм атгуулаад "Май, үүнийг ав" гэж хэллээ.
Атганд нь байгаа юм хүнд жинтэй хүйтэн, хатуу ажээ.
Алекс алгаа тэнийлгэж бүрэн хэрэгсэлтэй боолтны халив байхыг хараад мэл гайхан Аамирыг ширтлээ. Хүүгийн харц ойлгомжтой байсан бөгөөд тэр хуруугаа уруулдаа ойртуулав.
"Чи... машины дэргэд их аз жаргалтай... тайван харагдаж байсан." гэж тэр хэлснээ "Энд анх ирсний дараа хичнээн их хэцүү байдгийг би сайн мэднэ, Чөтгөр аваг, надад одоо ч гэсэн амаргүй байна. Наад юм аа ав даа. Энэ өчүүхэн зүйл... Би чамайг үүнийг биедээ авч явж асуудалд орчих нэгэн гэж бодохгүй байна."
Алекс итгэж чадахгүй халивыг гартаа эргүүлж тойруулж харлаа. Хэзээ нэгэн цагт түүнд энэ маш их тус болж таарна. Аамирын хэлдэг ч бас зөв. Тэр лабораторит байхдаа биеэ барих ёстой гэдгээ мартаж ховсдуулсан мэт анхаарал нь сарнисан байжээ.
"Хэрвээ чи үүнийг авахыг хүсэхгүй байгаа бол би хэзээ ч хамаагүй байранд нь буцаагаад..."
"Үгүй. Маш их баярлалаа. Би чамд үнэхээр их талархаж байна."
Ховорхон инээмсэглэдэг Аамир уруулаа мушийлгаад тэднийг орон дээрээсээ анхааралтай ажиглаж суусан Жарид эрхий хуруугаа гозойлгож харуулав.
Алекс араараа цэвэр тавиулчихжээ. Наталигийн зөв байжээ. Тэр нэг өрөөнд хамт амьдардаг хоёр хүүгийн нөхөрсөг бадлыг ашиглан шилтгээний талаар хэд хэдэн шинэ зүйл мэдэж авсан билээ. Тэр хоёр бүр хөөрчихсөн харагдана.
Гэвч тэд нарт итгэж нууцаа дэлгэж болох эсэхээ тэр сайн мэдэхгүй байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.21.17 5:14 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *

Маргааш өдөр нь Алекс өөрийг нь дахиад л хүнд байдалд оруулж мэдэх профессор Дөрхиний ангид хичээл эхлэхийг хүлээж байлаа. Бүх л амьдралынхаа турш ангидаа тэргүүний сурагчдын нэг байсан түүнд энд харин их ичгүүртэй санагддаг ажээ.
Тэднийг Дөрхиний ангид сууж байтал Жари "Чамайг одоо хүртэл амжилт гаргахгүй байгаад би бүр итгэж чадахгүй байна," гэснээ толгойгоо сэгсэрч "Чи Наталитай бараг үргэлж хамтдаа байдаг. Чи түүнтэй хамт номын санд байнга сууж, дасгалаа ч гэсэн хамт хийдэг. Чамд шийдэж чадаагүй өөр хүнд асуудал баймааргүй юм!" гэж түүнд хэллээ.
Бодлогошрон сууж харагдах Аамир амнаасаа нэг ч үг унагасангүй.
Профессор Дөрхин хоолойгоо засахад архаг тамхичин бүгшүүлж ханиалгав уу, эсвэл төмөр торонд хашигдсан хулгана чарлав уу гэмээр хачин дуу сонсогдов.
"Одоо анги бүрэн цугласан болохоор..." хэмээн тэр хоцорч орж ирсэн хэдэн сурагчийг дагуулж харах зуураа хэлээд "... хичээлээ эхэлж болно гэж би бодож байна. Юуны өмнө Вэббер, чамайг би ангийн урд гарч ирээсэй гэж хүсэж байна." гэлээ.
Алекс сонссон зүйлээсээ бараг юу ч ойлгосонгүй. Тэрбээр эргэлзсэн хэвээрээ профессор Дөрхин рүү харвал багш огт хөөрч догдолсон шинжгүй гараа даллан өөрийг нь дуудаж харагдана. "Алив, нааш ир. Өнөөдөр би чиний хүлээсийг тайлахаар шийдсэн." гэж тэр хэлэв.
Алекст хамаг цус нь царцчих шиг санагдлаа. Уул нь өөрт нь дахиад жаахан хугацаа хэрэгтэй байсан юмсан. Хэрэг буруугаар эргэж тэд туршилтын хэдэн долоо хоног өнгөрөх хүртэл Спеллшадоу шилтгээнд байсаар байвал тэр Наталигаас хуурамчаар ид шид үзүүлж болдог эсэхийг асуух гэж байжээ. Гэвч дахиад нэг долоо хоног хэрийн хугацаа үлдсэн болохоор тэр Наталитай энэ талаар ярилцаагүй байсан ажээ. Алекс мөрөн дээгүүрээ Натали руу хальт эргэж харвал тэр бүр үхтлээ айчихсан нүүр нь цонхийчихсон байв.
Новш гэж.
"Алив, хурдан бос," гэж Дөрхин хэлээд алгаа ташив.
Алекс суудлаасаа босоод ангиа хурдан гүйлгэж харлаа. Сурагчид бүгдээрээ өөр дээр нь харцаа тусгажээ. Тэр дахиад л чөмөг царцам хүйтнийг мэдэрч, дотор нь харанхуйлж бараг муужирч унах шахав.
Түүнд ямар ч ид шид байхгүй.
"Миний ширээн дээр суу," гэж Дөрхин түүнд зааварчиллаа.
Алекс зүлгэж өнгөлсөн модон тавцан дээр гарч хөлөө ачиж суугаад нуруугаа цэхлэн хоёр гараа зүрхэн тушаа аваачлаа. Тэр үүнийг яаж хийх ёстойг жаахан ч атугай мэддэг ажээ.
"Сайн байна," гэж хэлээд Дөрхин Алексыг тойрч алхан дээш доош нь гярхай нүдээр хэсэг ажиглаж харав. "Тийм ээ, эхлэл нь зөв байна, гэхдээ чи амьсгалаа яаж авахыг сайн тогтоож авах хэрэгтэй. Анхаарлаа төвлөрүүлэхдээ амьсгалаа зөв авч сурах нь хамгийн чухал."
Алекс зааж сургасны дагуу амьсгалаа гүнзгий аваад, хамраараа аажуухан буцааж гаргалаа.
"Болж байна," хэмээн амандаа бувтнах профессор Дөрхин хариуг нь олоход хэцүү тоо бодлогын учрыг олохыг хичээж буй мэт харагдаж байв. "Одоо байрлалаа ав. Сайн хичээгээрэй."
Таг дуугүй суусан Алекс нэг гараа өргөж алгаа тэнийлгэн тэнгэр лүү харуулаад нөгөө гараа зүрхэн дээрээ тавилаа. Дараа нь тэр амьсгалаа зөв хуваарилах зуураа нүдээ аньж дотоод энергийнхээ урсгалыг олж харахыг хичээв. Гэвч тэр хүйтэн агаараас өөр юу ч мэдэрсэнгүй.
"Зүрхээ оюун ухаантайгаа холбо.." хэмээн Дөрхин аяархан ярьж эхлэв. "Тэднийг нэгтгэж нэг бүхэл болго. Амьсгал чинь одоо чиний зүрхний цохилт болсон тул зүрх чинь агаар сорно. Одоо хэвлийн доод хэсэгт хуримтлагдаж зад үсрэхэд бэлэн болсон энергидээ анхаарлаа төвлөрүүлж том сувган урсгал шиг болгож хурууныхаа үзүүрээр гадагш нь чөлөөтэй гарга."
Алекс үнэхээр хичээсэн боловч тэр юу ч мэдэрсэнгүй. Дөрхин хажуу талаас нь хатгаж биеийнх нь байрлалыг засахыг оролдох зуур уйтгар төрүүлэм нэгэн хэмээр үглэсээр байлаа.
"Энэ заавал туслах ёстой," гэж хэлээд профессор "Вэббер, гараа эргүүлээд үз... үгүй ээ, нөгөө гараа... Энэ тусладаг гэж би сонсож байсан юм байна, Үгүй байж ч магадгүй." гэж нэмж хэлэв.
Алексын хоолой бачуурах мэт болж тэр үнэхээр айж сандарчээ. Ингэх гээд байсан юм. Тэр энд байх ёсгүй гэдгээ одоо баталж харууллаа. Одоо түүнийг Наталитай холбоотой, охины араас дагаж энд ирсэн гэдгийг тэд олж мэднэ, тэгээд дараа нь... юу болох ч юм билээ.
Тэр анхаарлаа төвлөрүүлэн нүдээ тас аниад хамаг чадлаараа хичээтэл...
"Хөөх!"
Алекс нүдээ нээгээд урд нь зогсож буй Дөрхиний цөхрөнгөө барсан царайны оронд багшийнхаа баярлаж хөөрсөн царайг олж харав. Тэр арагшаа нэг алхам ухраад Алекс руу зааж
"Харж байна уу? Бүгд бага зэргийн оролдлого, хичээл зүтгэлээс шалтгаалдаг." гэж хэллээ. Гэвч Алекс түүнийг сонсож чадсангүй.
Түүний бүхэл бүтэн биеийг мь тойроод жижигхэн алтлаг өнгийн гал арьсыг нь долоолж харагдана. Алекс гарын бугуй, хуруунуудыг нь ороосон гэрлэн цацрагийг гөлрөн харж суухдаа биеэр нь урсах энергийн хүчийг мэдэрч, тэрбээр биеэ хөдөлгөхгүйг хичээв.Тэр Наталиг хяламхийж харлаа.
Нэг хуруугаа гозойлгон хөлөө ачиж суусан охин их л сэтгэл хангалуун харагдана. Охины хурууны үзүүрт жижигхэн гал улалзаж байв. Натали гараа татаж авахад Алексын нуруугаар хүйт даалаа.
Бурхан минь... тэр үнэхээр мундаг.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.21.17 4:03 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
шидтэн болдог дасгал сургуулилтыг нь сураад авах юм шүү, ккк, баярлалаа Наран, ер нь энэ 2 гэртээ харьтлаа их юм сурах бололтой


Top
   
PostPosted: Dec.22.17 12:55 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Хичээлийн дараа гурван хүү унтлагын өрөөндөө очлоо. Аамир Алекст баяр хүргэж, харин Жари Алексаас Наталитай номын санд уулздаг талаар цухуйлгасандаа өршөөл эрэв. Өрөөний хаалга дөнгөж хаагдангуут Жари Алексыг өдөж хоргоон дэргэд нь муур шиг гэтэж очоод мяу мяу хэмээн дуугарлаа. Тэрбээр чанга дуугаар инээд алдаж толгойгоо сэгсэрлээ.
Алекс байнга өөрчлөгдөн хувирч байдаг хонгилуудыг дамжин нэг газар луу очиход цаг их зарцуулдаг хэвээрээ боловч анхны үеэ бодвол тэдний өөрчлөлт хөдөлгөөнийг арай хялбархан ялгадаг болсон тул одоо гарах замаа олоход түлхүү анхаардаг болжээ. Тэр номын сан руу явах замдаа шилтгээний зарим нэг зүйл-ийг илрүүлж, ашиглаж болмоор дөт замуудыг олж мэдэхээр хатуу шийдэж эрлээ үргэлжлүүлж байлаа.
Тэр нэг хаалгыг өөр нэг хонгил руу гардаг гарц байж мэднэ гэж бодоод онгойлготол эргэлдэн хөдөлж буй араа шүд нүүрэнд нь бараг тулах ирэв. Алекс доошоо хурдан тонгойтол тэр зүйл ард нь байсан цонхыг цохиж шалан дээр хангир жингэр хийн уналаа.
Хэн нэгэн өрөөн дотроос "Өршөөгөөрэй!" хэмээн хэлэх сонсогдсоноо тэр даруй араас нь "Хаалгаа хаагаач, тэнэг ээ!" гэж нэмж хэлэв.
Алекс хаалгыг хурдан хаагаад цааш замаа хөөж, дүрсэлж хэлэхэд хэцүү нэг хонгилоор уруудан номын сан руу дөхөж очих хүртлээ явлаа.
Тэгтэл ард нь хаа нэгтээ "Тэмдэгнүүд!" хэмээн уурсан хэлэх Наталигийн хоолой сонсогдов. "Энд яагаад таних тэмдэг байдаггүй байна аа? Тэгсэн бол энэ хялбархан болох байсан!" Дараа нь тэр францаар Алекс зөвхөн ганц хоёрхныг нь мэдэх хэдэн хараалын үг урсгалаа.
Алекс инээмсэглэн эргэж харснаа хайнгадуухан хана налж зогсоод охиныг үгээ хэлж дуустал хүлээв.
"Төөрчихсөн үү?".
"Одоохондоо надаар тоглоом тохуу хийх хэрэггүй, Алекс." гэж Натали хүрэн бор нүдээ гялалзуулан ууртай хэллээ. "Би энэ газрын талаар хэлж байна! Тэд яагаад энд энгийн самбарнууд өлгөчихөж болдоггүй юм бэ?"
"Үүнтэй адилхан уу?" Алекс инээмсэглэснээ дээр нь "Номын сан" хэмээн бичиж явах чиглэлийг сумаар заасан нэг самбар луу заав.
Улам бүр ундууцаж эхэлсэн охины царайн дээр гэнэт инээмсэглэл тодрохыг Алекс ажиглаад дахин самбар луу эргэж харвал сум аажмаар хөдлөн эсрэг зүгийг заах нь тэр.
"Чи юу гэсэн билээ?" хэмээн охин их л маадгар хэллээ.
"Тийм ээ," гэж хэлэхдээ Алекс түрүүлж зам удирдахаар хананаас хөндийрөв. " Ингэхэд байна аа, ямартай ч тэд үүнийг зориуд ийм болгосон. Сурагчид энд өөрсдийгөө хаагдмал, төөрөлдчихсөн мэт мэдрээсэй гэж тэд хүсдэг." Тэр хоёр булан тойрлоо. "Хөөе, ангид байхад намайг аварсанд чинь би их баярласан шүү. Энэ үнэхээр гайхалтай байсан."
Натали хүүг харан инээмсэглэснээ царай нь тэр дороо хувьсxийлээ.
"Энэ хэцүү байгаагүй. Бас гайхуулаөд байхаар зүйл биш. Би ид шидийнхээ хүч чадлыг тийм ч сайн ашиглаж чадахгүй байгаа. Би том цэцгийн баглаа гаргахыг оролдсон боловч... " Тэр үгээ тасалж санаа алдав. "... би зөвхөн хэдхэн алтан навч гаргаж чадсан."
"Өөртөө хэтэрхий их шаардлага тавих хэрэггүй. Чи чадсан, бас чи хурдан сайжирч байгаа."
"Мириан... надтай хонгилд тааралдаад... тэр намайг илүү их ном унших хэрэгтэй гэсэн. Тэр бас надад ямар нэг юмыг гаргаж ирэх нь ид шидийн оргил хэсэг, гол сүнс гэж хэлсэн."
"Чи юу гэж хэлсэн билээ?" хэмээн охин их л маадгар хэллээ.
"Сайн байна, бид тэр тал дээр анхаарцгаая. Тэр номнуудыг би номын санд уншсан гэдэгтээ итгэлтэй байна."
Натали цонх руу буруу харж зогсов. Цонхны цаана цасан шуурга болж байх бөгөөд цонхны шилийг мөс шиг хүйтэн цас ороолгож харагдана. Тэртээ хол нүүгэлтэн сааралтах үүлний доор цухуйж буй хадан уулны оройг Алекс олж харав.
Тэрбээр Наталигийн юу бодож байгааг таамаглаж байлаа.
"Бид гэртээ харина," гэж хэлээд тэр гараа охины мөрөн дээр тавиад "Чамд авьяастайгаас гадна бас их чадвартай. Хоёулаа явж ном хайж олцгооё." гэж хэлэв.
"Тэгье," хэмээн охин дуулдах төдий шивнэснээ "Бид үүнийг заавал чадна." гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.22.17 6:17 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.22.17 6:11 am
Posts: 1
Yaj xyleex ve kkk


Top
   
PostPosted: Dec.24.17 12:23 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Натали үнэхээр хөөрч догдлосон нь илт нүүр нь улаа бутарчихсан номын сангаас гартлаа ном зөөлөө. Тэр "Пироманси та хоёр" ( Галаар хийх мэрэг төлөг) гэдэг номыг олсны дараа үлдсэн цагийг Алексын нэрлэсэн номуудыг олохоор дээш доошоо хөөрч ниссээр өнгөрөөв. Энд суралцах хугацаанд охины хувьд яг энэ мөч хамгийн жаргалтай үе нь байсан бөгөөд тэр хуучин шигээ хөгжилтэй байгааг харсан Алекс ч мөн адил баяртай байлаа. Хэдийгээр Алекс оргох төлөвлөгөөндөө эргэлзэж байгаа ч Наталигийн сэтгэл санааг өөдрөг байлгах нь маш чухал байлаа. Натали сэтгэлээр унахдаа амархан тул Спеллшадоу шилтгээний хөшөөдөг нөлөөнд автаж улам сул дорой болохоос тэр эмээж байжээ. Түүнд сургууль гэж нэрлэсэн энэ газрын нууцыг тайлахад бас дахиад хугацаа хэрэгтэй байгаа билээ.
Дараа нь тэд том цонхоор нь жижигхэн далайгаар хүрээлэгдсэн хаягдаж орхигдсон газрын гол хаалганы дүр зураг харагдах сургалтын танхимд очиж ширээнд суулаа. Ханан хэрэмний дээгүүр, гол хаалганы цаана холхон харагдах хотын гэрэлд нөгөө могой хэлбэртэй байшинг Алекс олж харав.
Алекс тэвэр дүүрэн номоо ширээн дээр тавих үед Натали цонхоор гөлрөн харж байснаа эцэст
"Тэр танай хот биш үү?" хэмээн асуулаа.
Äлекс тэр зүг рүү хараад "Магадгүй," гэснээ "Ийм хол зайнаас мөн гэж хэлэхэд хэцүү." гэж нэмж хэлэв.
Натали уруулаа зууж "Пироманси та хоёр" номын хавтасны товгор үсгийг хуруугаараа тэмтэрч суулаа. " Энэ их ойрхон харагдаад байна. Бид яагаад оролдоод үзэж... ?" Охин үгээ гүйцээсэнгүй.
"Би мэдэхгүй байна, Энд учрыг нь олж чадахгүй нэг юм байна." гэж хэлснээ Алекс урдаа овоолж тавьсан номнуудаа тогшоод "Тэгээд л бид үүнийг үзэх гэж байна." гэлээ.
Натали биеэ барьж номоо нээгээд " Тийм дээ," гэж хариу бувтнав.
Охины урам зориг дахиж сэргэсэнгүй, тэрбээр арваад минут хиртээ гал нь бөхчихсөн лаа аятай чимээгүй суулаа. Тэгтэл тэр гараа урагш нь сунгаж ширээн дээр толгойгоороо хажуулдаж хэвтэв. Үс нь бараан өнгийн дуулга шиг толгойг нь бүрхсэн харагдана.
"Байж боломгүй юм," гэж хэлээд тэр гиншлээ. "Би англи хэлээр уншиж чадахгүй байна."
Сэтгэхүйгээ ашиглан дотоод галаа жинхэнэ гал болгох талаар уншиж суусан Алекс толгойгоо өндийлгөж "Тэгвэл хоёулаа ид шидээ туршиж үзэх үү"? Энэ чамд ямар санагдаж байна?" гэж асуулаа.
"Тэгье," Натали санаа алдаад Алексыг харахаар нүүрээ үсэн доороосоо цухуйлгав.
"Сайн байна." Алекс сандал дээрээ бага зэрэг эгцэлж суусан Натали руу харж, уншиж байсан хуудас руугаа номын хавчуургаараа чичлээ.
"Нэг шидэт тарни ашиглаад ид шид үзүүл дээ, гуйж байна." гэж Алексыг хэлсэнд Натали толгой дохиод гараа урагшаа сунгав. Биеэ эзэмдсэн тэрбээр дундаа агаарт нэг гэрлэн бөмбөлөг гаргаж ирлээ.
"Одоо юу хийх вэ?"
Алекс ном руугаа харлаа. "Одоо чи оюун санаагаа халуун дулаан илчинд төвлөрүүл. Галын илч, галын илч гаргадаг бүх зүйлийг. Дараа нь чи шидэт бөмбөлгөө энэ илчээрээ дүүргэ."
Натали толгойгоо гэлжийлгэсxийн гэрлэн бөмбөлөг рүү ширтэв. Юу ч болсонгүй.
"Энэ тус болохгүй юм шиг байна." гэж охиныг хэлэхэд
"Хоёулаа арай өөрийг оролдоод үзье." гэж Алекс хариу хэлээд өөр ном авлаа. Спеллшадоугийн түүхийг дараа уншихад болно.
Дараа нь тэд хагас цагийн турш Алексын урдаа дэлгэж тавьсан номнуудаас цуглуулж авсан заавар зөвлөмжийг туршжээ. Натали хэсэг сууж байгаад түүний өгсөн зааврын дагуу туршилт хийж байлаа. Тэрбээр духаа атируулан нэг зэрэг гурван жижигхэн бөмбөлөг гаргаж суртал урт хугацаа шаардагдсангүй.
Номоо чимээгүй харж суусан Алекс толгойгоо өндийлгөж бөмбөлгүүдийг олж хараад
"Гайхалтай. Чи нэг зэрэг олон шид ашиглахдаа үнэхээр сайн юм байна." гэж хэллээ.
Натали шидэт бөмбөлөг рүүгээ хараад инээмсэглэх аядав. "Энэ жаахан хачин байна. Ангид ид шид үзүүлэхэд надад амархан байсан, харин гурван бөмбөлөг гаргах их хэцүү юм байна."
Алекс толгой дохьсноо номоо тогшоод "Үүнийг нөлөөлөх хүрээ гэж нэрлэдэг, харин төвлөрөх гол төв биш." гэлээ.
Наталид бага зэрэг гомдолтой байгаа ч толгой дохив.
"Үүний дараа хоёулаа гол төв дээр туршиж үзье. Өөр хийх юм бидэнд үлдсэн үү?
Алекс өөр номыг зааж харууллаа. Гал гаргах шид эвдэлж сүйтгэх ид шид дундаас хамгийн энгийн байж болох ч яагаад ч юм Наталид ямар нэг юм саад болоод байх шиг.
"Гэхдээ би үүнийг ойлгохгүй байна. Би урьд нь өрөөндөө дөрвөн бөмбөлөг гаргасан. Энэ хэцүү байгаагүй." гэснээ тэр Алекс руу харлаа. "Магадгүй намайг ажиглаж хараад байгаагаас болсон байж мэднэ."
"Намайг энд байхгүй гээд л бодчих." гэж хэлээд Алекс ном руугаа харлаа. "Одоо өөр зүйл. Чи ашигладаг ид шиднээсээ гал гаргахыг оролдох хэрэгтэй гэж энд бичсэн байна. Чи толгойдоо бүх хүчээ бөөгнөрүүлж өндөг шиг цул болгож нягтруулна."
Натали хөмсгөө зангидаж баруун талын бөмбөлөг дээр нүднийхээ харцыг тогтоогоод хуруугаараа огцом хөдөлгөөн хийв. Бөмбөлөг дунд талын бөмбөлгийг шүргэтэл хүрсэн газар нь жижигхэн улаан, улбар шар өнгийн оч цацрахыг Алекс олж харлаа. Тэгтэл бөмбөлөг гал авалцан дэлбэрч хүрэн улаан өнгийн утаа баагиулав. Дэлбэрэлтээс Алексын нүүр халуу оргисонд тэр арагшаа зайлж сандалныхаа түшлэгийг наллаа. Натали агаарт дээшээ хөөрч сарниж буй утааг гөлрөн харсаар суухад үлдсэн хоёр бөмбөлөг нүдээ ирмэх мэт анивчиж харагдана.
"Энэ... энэ үнэхээр гайхалтай!" хэмээн охиныг дуу алдахад Алекс инээмсэглээд
"Хоёулаа үүнийг дахиад нэг оролдоод үзье." гэж хэллээ.
Натали уруулаа хазалснаа туршилтаа дахиж хийхээр гараа сунгалаа. Улбар шар өнгийн оч манасxийснээ багануудыг сүлхин хөөрөх нь номын сангийн том цонхонд ойж харагдав.
Цонхны цаана гэрэл нь анивчиж буй хотын бараа харагдсаар.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited