#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.21.18 1:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Dec.24.17 10:30 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 18

Маргааш өдрийн үд дунд профессор Дөрхин ангид орж ирэхдээ нэг хэвийн уйдаж залхмаар хичээлийн уур амьсгалыг эвдлээ. Тэрбээр маш их уурлаж бухимдсан гэдэг нь нүүрэн дээр нь илт харагдана.Тэр дуугаа хураан өөрийг нь анхааралтай харж суугаа сурагчдаа ундууцаж бухимдсан харцаар тойруулж харлаа.
"Өнөөдөр сурагчдын баримталвал зохих бодлого, чиг хандлагад нэмэлт оруулсан гэж надад мэдэгдсэн. Шинэ сурагчдын хувьд бид сургуулийнхаа ёс журмыг баримтлахад болно. Тэгэхээр бид энэ асуудлыг нэг мөр болгоод дараа нь хичээлээ үргэлжлүүлцгээх үү?"
Хэдийгээр Дөрхин 'асуудлыг нэг мөр болгох' -доо дургүйцсэн хэвээрээ боловч хурдхан хийж дуусгахаар шийдсэн бололтой. Тэрбээр сайхан сэтгэл гарган дүрэм журмын хамгийн богинохон, багахан хэсгээс тоочиж эхлэхдээ үсгийн дараалал баримталж буйг Алекс анзаарав. Аамир духаа бүр ширээний тавцанд тултал бөхийгөөд суучихсан байв.
Дөрхин хурууныхаа өндгөөр ширээгээ бөмбөрдөж сууснаа "Энэ бас хөл хорионы цагт хамаарна гэсэн тодруулга хийгдсэн." гэж хэлээд яриагаа үргэлжлүүллээ. "Та нар сургуулийн хонгилоор явж байхдаа хөх болон алтлаг өнгөөр татсан шугаман зурааснуудыг анзаарч харсан биз. Шинэ сурагчид одоо болтол асуудал тариагүйгээс харахад тэд нарт анхааруулга сайн өгсөн бололтой. Тэгсэн хэдий ч ямар ч нөхцөл байдалд орсон энэ шугамыг давж огт болохгүй. Хөх өнгийн зураасаар сурагчдын байрлах талбайг зааглаж, багш нарын талбай эхэлснийг заадаг. Алтан зураасыг зөвхөн удирдах албаны хүмүүс л давж чадна. Өөрөөр хэлбэл сургуулийн хоёр захирлаас гадна Сайрэн Мэйв.
Хоёр захирал гэнэ ээ? Алекс гайхан хөмсгөө өргөсөн боловч гараа өргөж зүрхэлсэнгүй. Хэрвээ Дөрхинд асуулт тавибал түүнд бүрэн дүүрэн хариулт өгөхийн тулд тэр гучаад минут зарцуулснаар хичээлийн цаг дуусаж, цаашилбал тэд дараагийн хичээлээс хоцорчихож ч мэднэ. Алекс урагшаа бохийж Жаригийн мөрөнд хүрлээ. Өөр лүү нь эргэж харсан хүүгийн царай бүр цөхөрсөн байртай болсныг хараад энэ хичээл анх удаагаа орж байгаа биш гэдгийг Алекс ойлгов.
"Яасан бэ?" гэж Жари асуулаа.
Алекс ангийн урд хамраараа гуншин ярих Дөрхин рүү заагаад "Сургуулийн хоёр захирал гэсэн үү? Би энд нэг захирал байдаг гэж бодсон юмсан." гэж хэлсэнд Жари
"Тийм ээ. Чамайг үл үзэгддэг шидээ ашиглан энд дагуулж ирсэн хүнийг чи магадгүй санаж байгаа..." гэж хариулав.
"Эрэлчин үү?"
"Тийм ээ, тэр чинь мөн."
Алекс Спеллшадоуд байгаа хугацаандаа тэр хүний тухай сонсож байсан ч дүр төрхийг нь дахиж олж хараагүй билээ. Энд нөгөө захирлын оролцоог өдөр тутам харж мэдэрдэг бол харин Эрэлчин энд огт байдаггүй юм шиг байдаг. Тэр хоёр нэг зиндааны хүн гэдгийг мэдэхэд Алекст үнэхээр хачин санагджээ.
Тэр нөхцөл байдлаа тунгааж үзээд эцэст нь бүх мэдээллээ цуглуулж байхдаа аюулд өртөж мэдэх байснаа бүрэн ойлголоо. "Миний өмнө тэр харин үл үзэгдэгч биш."
Жари амаа хагас ангайлган хөшчих шиг болов. Алекстай анх уулзсан цагаасаа хойш хүү анх удаа үг хэлж чадсангүй. "Чи... намайг өршөөгөөрэй?"
"Би түүнийг харсан." гэж Алекс давтаж хэлснээ би арай ноцтой алдаа гаргачихсан юм биш байгаа хэмээн дотроо бодлоо.
Аамир тэр хоёр луу харж "Юу болсон бэ?" гэж асуув.
"Алекс Эрэлчинг харсан гэнэ."
Хоёр хүү хурдан харц солилцлоо.
"Хэдүүлээ хичээлийн дараа ярилцъя." гэж Аамир хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.25.17 5:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
:wd: :wd: Баярлалаа.

Яг гоё хэсэг дээр нь тасаллаа даа. Merry Christmas!

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.27.17 12:32 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Хичээлийн дараа тэд хоолны танхимд суугаад Аамир бүгдийг тодруулж асуув.
Жари илт гайхсан шинжтэй сандлынхаа түшлэгийг налж суугаад Аамирын асууж байцаахыг харж байлаа. Натали бас тэд нартай нийлж суужээ.
Алексыг Эрэлчний ноорхой хувцасны талаар ярьж дууссаны дараа "Тэр миний төсөөлж байсантай адилгүй, сонирхол татмаар санагдсангүй," гэж Аамир хэллээ.
Эрэлчнийг тодорхойлж хэлсэн энэ үг Алексын санааг амраасангүй, тэрбээр духаа атируулав. Тэр бол хүн гэхээсээ илүү муу ёр зөгнөсөн, үхэл эсвэл мөхөл рүү дагуулж яваа хий үзэгдэлтэү адилхан аймшигтай бас хүчтэй нэгэн.
"Чи түүнийг харсан уу?" гэж Аамир Наталигаас асуухад тэр толгойгоо сэгсрэв.
"Алекс надад түүний талаар ярьж байсан. Гэхдээ би түүнийг хараагүй... Бас түүнийг сонсож байсан гэдгээ ч мэдэхгүй. Би нэг хачин байдалд орчихсон байсан. Тэр надад... юу гэж хэлснийг би ойлгоогүй, эсвэл би үүнийг санахгүй байгаа байх."
"Санаагаа чилээх хэрэггүй," гэж Жари охины сэтгэлийг засах гэж инээмсэглэж хэлээд "Эрэлчныг хэн ч харж чадахгүй. Энэ бол түүний хэрэглэдэг ид шид." гэснээ Алекс руу нухацтай харлаа.
Алексын царай хувьсxийж, тэрбээр Аамирт хандаж "Окэй. Одоо миний асуулт тавих ээлж," гэж хэлэв.
Аамир толгой дохилоо.
"Эрэлчин. Тэр хэн юм бэ? Тэр... яаж олдог юм бэ?
Аамирыг амаа ангайж амжихаас Жари урагшаа хурдан бөхийж хариуллаа. "Тэр бол энэ сургуулийн хуучин захирал байсан. Тэр бүхий л амьдралаа шилэн бөмбөлөг доторхийг ажиглаж, шидтэнгүүдийг олоход зориулсан. Хэрвээ хэн нэгэнд шидтний дуслын төдий цус байгаа бол тэр түүнийг шууд олдог гэж тэд ярьцгаадаг. Тийм учраас түүнийг Эрэлчин гэж нэрлэдгийг чи одоо ойлгов уу?"
Алекс толгойгоо алгуур дохиод "Түүнд энэ сургуульд гүйцэтгэдэг үүрэг хариуцлага гэсэн юм байдаггүй юм уу?" гэж асуусанд Аамир толгой сэгсрэв.
"Үгүй, миний мэдэхийн лав үгүй."
"Тэр заримдаа шөнийн цагаар энэ хонгилуудаар зугаалдаг." гэж Жари хэллээ.
"Үгүй, тэр ийм юм хийдэггүй!"
"Тэр тэгдэг!"
Хоёр хүүг маргалдаж эхлэхэд Алекс Натали руу эргэж харав.Охин таваг руугаа хараад сууж байлаа.
Аамир Жаригийн амыг таглах санаатай "Ямартай ч Эрэлчин бол энэ сургуулийн захирлуудын нэг гэж байнга нэрлэгдэж ирсэн.Түүний талаар үүнээс өөр юм хэн ч мэдэхгүй," гэж хэлсэнд Жари
"Гэхдээ. хэрвээ чи түүнийг шөнийн цагаар харвал яах вэ? Зугтах л хэрэгтэй. Би аймшигтай явдлын талаар хэд хэдэн удаа сонсож байсан." гэж хариулав.
Алекс Натали руу харлаа. Тэр урьдын адил хөмсгөө зангидчихсан тавган доторхи хоолоо халбагаараа хутгаж сууснаа Алексын ажиглаж байгааг анзаарсан бололтой толгойгоо өргөв.
"Алекс, цэвэр агаараар жаахан амьсгалмаар байна уу? Энд надад их уйтгартай байна."
Жари Аамиртай маргалдахаа больж нөгөө хоёрыг ээлжлэн харлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.27.17 5:36 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 19

"Тэгвэл чи хашааны хаалгыг онгойлгоход бэлэн үү?" гэж Алекс асуухдaa хэлсэн үг нь хүйтэн агаарт царцчих шиг түүнд санагдав.
Богино ханцуйтай нимгэн цамц, жинсэн өмд өмссөн Наталигийн арьс даарсан шинжгүй харагдсанд Алекс гайхаж тэр өөрийгөө дулаацуулдаг ид шид ашигласан юм болов уу хэмээн өөрөөсөө асуулаа.
"Тийм ээ, гэхдээ энэ үйлчилнэ гэж би бодохгүй байна."
"Чи чадахгүй гэж үү?"
"Мэдээж тийм биш. Би тэнэг хүн биш. Бид анх удаа энд ирэх үед би чадахгүй гэж бодож байсан боловч тэр бол миний олон ид шид хийж сурахаас өмнө болсон явдал." Натали Алексыг эргэлзсэн байртай харснаа "Чи арай үүнийг үйлчлэнэ гэж бодохгүй байгаа юм биш биз?" гэж асуулаа.
"Үгүй дээ, тэгж бодоогүй." гэж тэр хүлээн зөвшөөрснөө илэрхийлэв. "Хаалгануудыг маш олон шүтээнүүдээр хамгаалсан байгаа. Анх бид энэ төлөвлөгөөг ярилцах үед чи их аз жаргалтай илүү их итгэлтэй харагдаж байсан болохоор би чамайг гомдооё гэж бодоогүй юм."
Натали жаахан аалигүйтэж ёжлох мэт нүдээ эргэлдүүлснээ "Би бол үнэ цэнэтэй эмзэгхэн цэцэг шиг нэгэн биш, Алекс. Намайг гомдоочих вий гэж айж болгоомжлох хэрэггүй. Уул нь бид нэг завинд суусан гэж би бодсон юмсан." гэж хэлээд Алексыг ууртай харлаа. Дараа нь тэр удаан нухацтайгаар "Ямар ч тохиолдолд, бид хоёулаа юу хийж байгаагаа мэдэж байх нь хамгийн чухал. Бас ямар ид шидийг ашиглаж сурахаа мэддэг байх хэрэгтэй. Би чиний тусламжтай туршилт хийсэн болохоор одоо хоёулаа Спеллшадоуг эвдэлж устгах ажлаа туршаад үзье." гэж хэлэв.
Тэрбээр урагшаа ухасxийж хаалганы төмөр саваанаас барьж авлаа.
"Хөөе өөдгүй новшийн хаалга аа, надад гэр орныхон маань байгаа," гэж охин хэлээд барьсан төмөр саваагаа сэгсчиж түлхтэл арьсан дээр нь хөлсөн дуслууд бөнжигнөн гарч ирэв. Наталиг бүрхэн гарч ирсэн алтлаг өнгийн гал гараар нь дамжин төмрөнд хүрэхийн өмнө шууд мөлхөө ургамал руу урсан орохыг Aлекс айж эмээсxийн харж байлаа. Саарал ургамал чичирхийлж айдас төрмөөр ногоон өнгөтэй болсноо тэр дороо хөдлөхөө больж хуучны адил үхмэл өнгөтэй болно.
"Чи..." Алекс үгээ тасаллаа.
Натали нүдээ хурдан цавчлан амьсгаадчихсан зогсож харагдана.
"Мөлхөө ургамал миний ид шидийн хүчийг сорж байна." гэж тэр хэллээ. "Би үүнийг мэдэрч байна. Энэ яг..." Натали дагжин чичирч өөрийн эрхгүй хаалганаас холдов.
"Чиний ид шид үүнийг хүчрэхгүй гэж би таамаглаж байсан," гэж Алексыг хэлэхэд Натали толгойгоо сэгсрэн
"Би харин тэгж бодоогүй."гэж хэлээд ханан хэрэм рүү харснаа "Хоёулаа дээшээ авирч чадах болов уу?" хэмээн асуулаа.
Алекс өөрөөс нь бараг арав дахин өндөр ханан хэрмийн хооронд нь яв цав тааруулж барьсан тоосгон чулуунуудыг харлаа. "Энэ боломжгүй. Бид авирч чадлаа ч хэрэмний оройд шившлэг хийгээгүй байх боломж бий юү?"
Натали санаа алдаад "Бараг үгүй дээ."хэмээн хариулав.
Охин хэрмэнд ойртож саарал мөлхөө ургамлын нэг урт ишийг хананаас холдуулж татаад нүдээ анилаа. Тэр хөмсгөө улам атируултал толгой дээр нь ташууран хэлбэртэй гэрэл гарч ирэв. Гэнэт алтан ташуурнаас том гал тасран гарч ургамлын нарийхан мөчрийг таслахаар ороолголоо. Алекс дуу алдаж арагшаа ухарсан боловч дахиад юу ч болсонгүй. Мөлхөө ургамал улаан өнгөтэй болсноо ногоон болж хувиран эцэст нь хуучин хэвэндээ оров. Натали барьсан ургамлаа буцааж тавилаа.
Алекс охин руу харж зогссоноо
"Өчигдөр чи дасгал хийхдээ их олон цаг зарцуулсан гэдгийг чинь би харж байна." гэсэнд Натали толгой дохив.
"Би үүнийг бараг хийж чадаж байгаа. Өөрийнхөө дутагдлыг бусдад харуулахгүй байх нь сайн шидтэний нэг гол шинж гэж надад охид хэлсэн. Харин би тэр сайн нь биш бололтой."
"Гэхдээ л чи их хурдан сайжирч байгаа." гэж Алекс сайшаалаа.
Натали шилэн хүзүүгээ үрж зогсох зуураа "Энэ хангалтгүй. Үүнийг эвдэхэд юу хэрэгтэй юм бол гэж би өөрөөсөө асууж байна." гэх хэлэв.
"Би ид шидийн эсрэг гэж нэрлэдэг хуучны зан заншлын тухай зарим нэг юм уншсан." гэж Алекс хариулаад номноос санхыг оролдлоо. "Гэхдээ үүнийг зөвхөн цөөн тооны шидтэнгүүд ашигладаг байсан гэсэн. Тэднийг 'Ид шид тайлагчид' гэж нэрлэдэг байсан. Тэд бараг устаж үгүй болсон гэсэн."
Натали хүүгийн яриаг сонсоогүй бололтой үсээ хойш нь шидлээд хаалга руу муухай харж зогссоноо зангидcан нударгаа төмрөнд хүргэлээ. Тэрбээр өвдсөндөө хашгиран арагшаа ухарч мөлхөө ургамалд түлэгдсэн мэт гараа сэгсрэв.
"Хөөе, болиоч," хэмээн Алекс хэлээд урагшаа алхаж "Чи өөрийгөө л өвтгөнө," гэлээ.
Гэвч Натали үгэнд нь орсонгүй. Тэр шидэт гэрлээ ашиглан өөрийгөө хүрээлүүлээд гараа дахиж хаалга руу сунгалаа.
"Натали," хэмээн Алекс охины нэрийг дуудаад гараа мөрөн дээр нь тавив. Охины гаргасан энергийн хүчээр түүний зогсож буй газраас хөрсний үнэр ханхлуулсан тоос шороо баганадан босож эргэлдэхийг харсан Алекс зог туслаа. Тэр Наталигийн зүрхнээс гарсан ягаан өнгийн аурад хүрэхэд түүнийг мөс шиг хүйтэн хайрсан тул гараа сунгаж охины бугуйд хүргэвэл үнэхээр мөсөөр хийсэн мэт цэв хүйтэн байв. Алекс дуу алдаад арагшаа гуйвлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.27.17 6:07 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Би гэртээ харимаар байна," гэж охиныг шивнэж хэлэх үед аура нь агаарт бутран сарнив. "Чи намайг энд тогтоон барьж чадахгүй!"
Охин дахиад хаалганд хандаж хэлснийг Алекс ойлгоод түүнийг тайвшруулж сэтгэлийг нь засахаар дэргэд нь очлоо. Натали оролдлого нь бүтнэ гэдэгт бүрэн итгэлгүй байсан ч их уурлажээ.
"Чамайг үүнийг хийж чаддаг болно гэдгийг би мэдэж байна." Алекс охиныг тэвэрч хаалганаас холдуулав.
Эрч хүч шавхсан ид шид арилж, аура нь унтарсан охин Алекст наалдаж духаа иллээ.
Тэд нэг хэсэг чимээгүй зогсов. Наталигийн уур хилэн арьсыг нь төөнөх мэт Алекст санагдаж байлаа. Тэр охиныг тайвшруулахын тулд ямар нэг юм хэлэх хэрэгтэй гэдгээ ч мэдэж байв.
"Натали... " хэмээн хэлснээ тэр гэнэт нөгөө хаалга дотрыг нь зарайлтал чахрахыг сонсоод үгээ гүйцээж чадсангүй. Натали толгойгоо өндийлгөж Алексын тэврээс мултран онгойж буй хаалга руу эргэж харлаа. Гаднаас талбай дээр туссан гэрлэн зурвасыг ширтэн зогсох охиноос бяцxан шидэт хэлнүүд цухалзаж эхэллээ.
Эрэлчин шинэ сурагч дагуулж иржээ.
Алекс юм бодох ч завдал өгөлгүй Наталигийн мөрнөөс арагшаа татав. Охин онгорхой хаалга руу гөлөрсөн хэвээрээ Алексыг эсэргүүцэн ноцолдоход тэр охиныг тавилгүй хэрэмнээс дүүжлээстэй мөлхөө ургамал руу хамт уналаа. Наталигийн арьсан дээр хүнд ургамал хүрэх үед шидэт гэрэл нь унтарч, тэрбээр толгойгоо эргүүлж Алексыг хилэнтэй харав.
"Ингэхэд чи юугаа хийгээд байгаа юм бэ? Бид одоо эндээс явж чадна" гэж тэр шүлсээ үсчүүлэн хэллээ.
"Бид эндээс арав ч алхаж чадахгүй. Эрэлчин тэнд байна!"
"Тэр бидэнд юу хийж чадна гэж? Хаалга онгорхой байна, Алекс!" Бид хурдан гүйж чадна!"
"Тэр чамайг дахиад л илбэдчихнэ!" гэж Алекс хэлээд барьцаа чангаруулав. Хэрвээ тийм юм болвол тэр хориглож чадах эсэхээ ч мэдэхгүй байлаа. "Магадгүй бүр илүү аймаар байж ч мэднэ. Тэр маш их хүч чадалтай, Натали."
Натали мөлхөө ургамлын завсраар онгорхой хаалганы зүг хараад эргэлзсэн байртай дараа нь бүр толгойгоо өндийлгөлөө.
Тэнд Эрэлчин нэг нүдээ дүрлийлгэн харах өсвөр насны цонхигор цагаан хүүгийн мөрөн дээр гараа тавьчихсан зогсож байв. Тэр хүүг түлхэн хаалгаар оруулаад шилтгээн рүү дагуулж явлаа.
"Би Эрэлчнийг харахгүй байна." хэмээн Натали уурсан хэлэв. "Тэр үнэхээр энд байна гэж үү?"
"Тийм ээ, тэр тэнд байна," гэж хэлээд Алекс хүүг дагуулж яваа Эрэлчний зүг хуруугаараа заалаа.
Ойрхон харагдах хаалга хаагдсаныг хараад Наталигийн царай цонхийн цайж, тэрбээр арагшаа хана налж унав. Мөлхөө ургамал хаалгыг халхлан буцаад байрандаа унжиж харагдана. Гэнэт намрын тунгалаг хөх тэнгэр бүдгэрч харанхуйлан, тэртээ хол жаргаж буй нарны алтлаг улаан зурвас гарч ирлээ.
Шилтгээн рүү орж буй хүүг Натали хараад өөрийн эрхгүй францаар хараалын үг урсгав.
Алекс хөмсгөө зангидлаа. Эрэлчин шилтгээн рүү хүүтэй хамт орсонгүй, харин хажуу тийшээ зайлж одоо том том алхлан талбайг хөндлөн огтолж явна. Түүний өмссөн уранхай нөмрөгнийх нь хормой ард нь шатсан мөчирнөөс уугих утаа шиг харагдана.
Алекс шилтгээний хана дагуу харцаа гүйлгэн харж буйг Натали анзаарсан нь мэдээж.
Эрэлчин дотогшоо ороогүй, тийм ээ?" хэмээн тэр хөмсгөө зангидан Алексаас асуулаа.
Алекс толгойгоо сэгсрээд аньсгаа нарийсган ажиглан харж байснаа нэг шийдвэр гаргасан бололтой
"Хоёулаа түүний араас дагая," гэж хэлээд чимээ гаргалгүй сэмхэн үсэрч босов. "Бид чимээ огт гаргаж болохгүй. Энэ бол мэдээлэл олох ховорхон боломж шүү."
Натали түр эргэлзсэн байртай харснаа Алексын гарнаас атгаж хөл дээрээ бослоо. Түүний уур намджээ.
"Ингэх нь зөв гэдэгт чи итгэлтэй байна уу?" гэж тэр шогших зуураа тайван байхыг хичээн асуув.
"Яг ч тийм биш ээ. энэ дэндүү аюултай байж ч мэднэ. Гэхдээ би түүнийг дагана. Би энд өөрийгөө нууж, хангалттай удаан хугацааг өнгөрөөлөө. Бид аз турших хэрэгтэй. Чи харин хүсэж байвал шилтгээн рүү буцаж болно. Энэ аюултай байж мэднэ.
"Үгүй, би чамтай хамт явна. Би нэг муу эмзэгхэн цэцэг биш гэдгийг чи мэдэж байгаа биз дээ?"
"Тийм ээ, чиний хэлснийг би санаж байна," гэж Алекс амандаа бувтнаад Эрэлчний зүг харлаа. Тэр шилтгээний араар орж харагдав.
Тэр хоёр зүлгэн дээгүүр явж өнгөрлөө. Натали хөлд нь тээглэсэн мөлхөө ургамал дээгүүр бүжиглэх мэт хөнгөхөн чимээгүй харайхад ар нуруунд нь намирах хар үс нь гялалзаж харагдана. Алекс охины гараас чанга барьж явлаа.
Спеллшадоу шилтгээний гадна талбай дүрсэлж хэлэхийн аргагүй их эвдэрч мууджээ. Алекс явах замдаа энэ газрын сүнснүүдийг удахгүй харна хэмээн дотроо бодож байлаа. Том зүлгэн талбай дээр эрдэнийн чулуун нүдтэй гайхалтай гоё гантиган хөшөөнүүд байрлуулжээ. Цэцэрлэгийн хүлэмжний барилгыг мэргэжлийн хүний гараар бүтээсэн гэдэг нь илт цагаан төмрөөр уран нарийн хийцтэй барьж босгосон харагдана. Нэг төрлийн бутлаг модыг эгнээ болгон тарьж ургуулсан байжээ.
Гэвч тэр бүхэн одоо бүр мөсөн устаж алга болжээ. Хөшөөнүүд хог новшинд дарагдаж, зүлгэн талбай мөлхөө болон өргөстэй бутлаг ургамлаар хучигдсан ажээ. Хүлэмжний урт төмөрнүүд эмх замбараагүй сэрийсэн байх бөгөөд бараантаж харагдах модны мөчирнүүд рүү авирч ургасан саарал мөлхөө ургамалд хучигдсан моднууд харуй бүрийд бараантан сүүмийж харагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.27.17 8:08 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Дээрх постод эдит хийсэн шүү. Одоо зохиол маань жаахан өрнөх талдаа орж байгаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.28.17 2:10 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Шилтгээний буланг тойрохын өмнө Алекс дороо түр зогслоо. Тэнд, шилтгээний ар талын хананд нуугдсан чулуугаар барьж зассан тавцангууд, бас тайрч янзалсан зүлэг харагдав. Нөмрөгнийх нь хормой хийсэж харагдах Эрэлчин чулуунуудын хооронд гаргасан нэг агуй шиг хонгил руу уруудан орж бараг үзэгдэхээ болилоо. Натали Алекс руу харвал тэр хонгилын ам руу толгой дохив. Охин нэг чулуу руу мөлхөж очин шалгаж үзээд
"Булш," гэж дэргэд нь дөхөж ирсэн Алекст шивнэснээ "Их хуучин," гэж нэмж хэлэв.
Булшнууд зүгээр ч нэг хуучин биш болохыг Алекс шууд анзаарлаа. Тэд маш хуучин, чулуун дээр сийлсэн нэрс, он сар он цагийн уртад элэгдээд бүр мөлгөр болсон ажээ.
Тэр хоёр цаашаа явлаа.
Эрэлчний орсон хонгил гаднаасаа их хачин харагдана. Тэнд хаалга байсангүй, газар луу цөмөрчихсөн мэт нэг харанхуй нүхний амсарт доошоо уруудсан шат байх ажээ . Натали гараа агаарт дохиж хурууныхаа үзүүрт бяцxан гал гаргалаа. Тэрбээр их сандарсан бололтой Алекс руу харснаа урагшаа түрүүлж нэг алхав.
"Натали!" Алекс охины гараас амжиж бариад хонгилд харагдах алтан зураас руу зааж харууллаа. "Аамир бидэнд анхааруулж байсан. Хөх зураасыг бид давж болох л юм, харин алтан зураасыг давж болох эсэхээ би сайн мэдэхгүй байна."
"Бид үүнийг давбал юу болох бол?"
"Аймшигтай юм болох вий гэхээс миний санаа зовж байна"
Охин дуугаа хурааж Алекстай хамт нэг хэсэг алтан зураас руу харж зогслоо. Алекс тэр зурааснаас нэг дайсагнасан гэмээр мэдрэмж, бас бие арзайлгасан мөс шиг хүйтнийг мэдрэв. Тэр алтан зурааснаас болгоомжилж дөлсxийн зогсож буй Натали руу харлаа. Гэсэн хэдий ч тэд аль хэдийн хол явчихсан. Тэгээд ч тэд асуултынхаа хариуг олоход ойртжээ.
Алекс шийдвэрээ гаргалаа.
"Би эхлээд орно. Хэрвээ ямар нэг юм болвол чи эндээс хурдан явна шүү, за юу? Шилтгээн рүү шууд гүйгээрэй!"
Натали толгой сэгсрэв. "Үгүй, Алекс..."
"Бид хоёулаа асуудалд орж болохгүй!" гэж түүнийг ятгаж хэлсний эцэст охин аргагүйн эрхэнд зөвшөөрлөө.
Алекс гүн амьсгал аваад урагшаа алхав. Тэрбээр шугамны өмнө хүйтэн агаар арьсыг нь хайрахад зүрх нь хүчтэй цохилж хэсэгхэн зуур тээнэгэлзлээ. Алекс дахин гүн амьсгал аваад уруулаа хазаж чанх урагшаа алхав.
Гэнэт тэр хувин дүүрэн мөс шиг хүйтэн ус залгилчихсан мэт ходоод гэдэс нь хүйт оргилоо. Амьсгалаа гаргахад амнаас нь уур савсав. Алекс эргэж харах үед цасанд дарагдаж нүдээ бүлтийлгэснийг Натали хараад урагшаа ухасxийж хөлөөрөө газар татсан алтан зураасыг өшигчиж гишгэлэн арилгалаа.
"Алекс! Чи зүгээр үү?" хэмээн Натали дэргэд нь гүйж ирээд асуусанд
"Хүйтэн байна," гэж цас хучигдсан Алекс шүдээ тачигнуулан арайхийж хариулав.
Натали Алексыг тэвэрч зогсоод биеийг нь дулаацуулахаар үрж эхэллээ. Улам бүр хүйтэн болоогүй ч Алекс энэ хүйтнийг ясандаа тултал мэдэрлээ, хөлдсөн хурууных нь өндөг цайж байснаа дараа нь харлаж эхлэв. Үүнийг харсан Натали гараа урагш нь сунгаж алган дээрээ галан бөмбөг гаргаж ирэн дулаан илчээр нь Алексын биеийг дулаацууллаа.
"Үнэнийг хэлэхэд би үүнээс ч аймаар юм болно гэж бодож байлаа." Натали хөлөөрөө эвдэрсэн зураас руу зааж ийнхүү хэлснээ "Бие чинь дээрдэж байна уу? гэж асуусанд
"Надад дахиад жаахан хугацаа хэрэгтэй." гэж Алекс шүдээ хооронд нь хавьшуулан хариулав.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.28.17 2:26 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 884
Баярлалаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Dec.28.17 5:38 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Хэдийгээр Натали айж байсан ч "Бид цаашаа явах хэрэгтэй гэж би бодож байна. Бид энд удаан байж болохгүй," гэж хэллээ.
Алекс цаашаа явахад бэлэн болтол нилээд хэдэн хором өнгөрөв. Натали шархтсан цэрэг авч явж байгаа мэт Алексын гарыг мөрөн дээрээ давуулж тавиад шатаар харанхуй нүх рүү уруудлаа.
Хонгилд Наталигийн гаргасан бяцxан дөлнөөс өөр гэрэл байсангүй. Чийглэг агаартай хонгилоос хөрс шороо, хөгцний үнэр ханхлах агаад овон товон ихтэй ханын тоосго гөлгөр хар гантигаар солигдохыг Алекс ажиглав.
Эхний булшийг олж харахаас өмнө тэр энэ юун газар болохыг гадарлаж байжээ. Гэнэт тэдний урд харанхуй дундаас нэг гараа урагшаа сунгасан гялгар хослолтой эрэгтэй хүний том хөшөө гарч ирлээ. Хөшөөг бүрхсэн мөсөн бүрхүүлны судалнууд галын гэрэлд аянга шиг хэлбэртэй харагдана.
Тэр хоёр хөшөөний хөлд бэхэлсэн төмөр ялтсыг олж харав.
Гиффорд Вайт, Салхи шуургыг даллан дуудагч. Спеллшадоу Шилтгээний Эзэн ноён.
Төмөр ялтасны урд цагаан тавган дээр тавьсан гавлын ясыг харсан Натали айсандаа амаа алгаараа таглав.
Тэд цаашлан явсаар. Энд өөр олон хөшөө, олон нэр ус байлаа. Эмэгтэйчүүдийн нүдийг улаан эрдэнийн чулуу шигтгэж хийжээ. Харин эрчүүд нь гартаа ус оргилон гарч буй бяцxан усан оргилуур барьжээ. Хөшөө болгоны урд цагаан тавган дээр гавлын яс тавьсан байлаа.
Нас барсан ноёд хатагтай нарын орогнож буй танхим нилээд урт, хамгийн цаад талын булан хүртэл тэр хоёрт харьцангуй удаан хугацаа шаардагдав. Уруулаараа шивнэн ярих Эрэлчнийг гэнэт харанхуй дундаас цонхигор цагаан гараа урагшаа сунгасаар гараад ирэх вий хэмээн эмээж байсан Алекс алхам бүртээ эргэн тойрноо нягтлан харж явсан боловч сүүлчийн хөшөө хүртэл ямар ч хөдөлгөөн олж харсангүй, чимээ анир ч сонссонгүй.
"Эрэлчин энд байна уу?" хэмээн Натали болгоомжлон асуулаа.
Алекс сүүлчийн хөшөө рүү эргэж харснаа охинд хариу хэлж түвдсэнгүй.
Хамгийн сүүлчийн хөшөө өргөн мөртэй, булчинлаг бие бялдартай эр хүнийг дүрсэлсэн бөгөөд өмссөн нөмрөг нь цуурч урагдсан ажээ. Дух руугаа дарж өмссөн бүрх малгайн доороос алт, гангаар хийсэн хос нүд нь гялалзаж байлаа.
Хөл доорхи төмөр ялтсан дээр Малакай Грэй, Эрэлчин. Спеллшадоу Шилтгээний Эзэн ноён хэмээн бичжээ.
Хөшөөний хөлд гавлын яс харагдав. Тэрхүү гавлын яснаас мэдэгдэхүйц хүйт даахыг Алекс арьсаараа мэдэрлээ. Гавлын хоёр нүдний аяганы хоорондох ясны голд бас нэг нүх байв. Гавлын яс яг өөрийг нь цоо ширтэх шиг санагдаж, Алексын ам хуурайшин хатахад тэр хоёр гараа зангидлаа.
Эрэлчин үхчихсэн ажээ. Яаж ийм юм болдог байна аа?
"Буцах цаг болжээ." хэмээн Алекс түгдчин хэлэв.
Тэрбээр Наталигийн хариу үг хэлэхийг ч хүлээлгүй бугуйнаас нь атгаад бунхны хаалга руу хурдан явлаа. Алекс буцаж явах замдаа нөгөө гавлын гурван нүдний аяга араас нь дагуулан ширтсээр байгааг мэдэрчээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.28.17 6:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Муур нэг учиртай даа. Мууртай л нэг сайн ярилцаад авахгүй.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.28.17 10:16 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 20

"Хар шид гэнэ ээ?" хэмээн профессор Линц хөмсгөө өргөн дуу алдсанаа "Хүү минь, хар шид хэрэглэхийг олон жилийн өмнөөс хориглосон." гэж хэлэв.
Алекс профессорын өрөөнд сурагчдад зориулсан сандал дээр суужээ. Өрөө их баян тансаг, Линцтэй өөртэй нь төстэй ч юм уу гэмээр алтан жааз бүхий хөрөг зурагнууд, очир таягнуудын гайхалтай цуглуулга хийж тавьсан шилэн хорго зэрэг хээнцэр гоёмсог зүйлсээр тохижуулсан ажээ.
"Үгүй, үгүй, үгүй," гэж Линц давтаж хэллээ. "Энэ бол хэрэглэхийг хориглосон ид шид. Анимагийн хэрцгий догшин төрөл гэж чи мэднэ биз дээ?"
"Тэр чинь юу юм бэ, ноёнтон?" гэж Алекс сонирхож асуулаа,
"Энэ бол гараа дүрж болдоггүй иш шид байгаа юм." хэмээн Линц хэлснээ хаалга руу хяламхийж хараад харцаа Алекс дээр тогтоов.
Энэ хүн нэг юмнаас айж бэргээд байгаа нь илт байлаа. Алексыг өрөөнд нь орж ирснээс хойш Линц их сэрэмжтэй болж өрөөн дотор нь хэн нэгэн нуугдсан эсэхийг үе үе шалгаж байв. Эрэлчин бас багшид харагддаггүй юм болов уу, хэмээн Алекс өөрөөсөө асууж суулаа. Хэрвээ Эрэлчин хаа нэгтэйгээс гэнэт гараад ирвэл тэр өөрөө ч цочих нь дамжиггүй.
Линц "Сонсооч," хэмээн хэлснээ бичгийн ширээнийхээ доогуур ухаж төнхөн дотор нь булингартсан шингэн зүйл хийсэн ногоон шилэн сав гаргаж ирэв. "Энд хоёр төрлийн ид шид байдаг байх аа? “
Линц шилтэй шингэнээс том хундаганд хийж тэр дор нь талыг нь залгилан уулаа. Шингэнээс гарсан хачин хурц үнэр савхи, сүрчигний үнэртэй холилдон үнэртэв.
"Би энэ талаар сайн мэдэхгүй, ноёнтон."
Хацар нь ягаарсан Линц аягаа хоослоод дахиж дүүргэлээ.
"Ид шидийг алт гэж чи боддог уу? Тэр алтыг чи аура дотроо харж байсан уу?
Алекс ид шидийн талаар бодтол тэрбээр алтлаг өнгийн гэрэл харснаа санаад толгойгоо алгуурхан дохилоо.
"Буруу байна," хэмээн бүдүүн хуруугаараа ширээний тавцан бөмбөрдөж суусан Линц хариу хэллээ. "Хүү минь, энгийн нэг шид хэрэглэх үед зөвхөн өөрийн хүч чадлыг ашигладаг. Чиний оюун санааны тэмцэл! Энэ бол жинхэнэ байгалаас заяасан аминд халгүй ид шидийн эрч хүч. Гэвч энд бас нэг өөр хүч бий, Энэ бол амин сүнсний ид шид."
"Ноёнтон?"
"Хүнд ид шидийн хүч чадлын хоёр ундарга байдаг. Нэг нь чиний оюун бодол, зүрхнээс гардаг, үүнийг бид ид шид гэж нэрлэдэг. Амин сүнсний ид шид бол харин өөр, тэр чиний сүнсэнд байдаг. Хэрвээ чи үүнийг ганц удаа туршихад тухайн хүний байр байдлыг эргэж засахын аргагүйгээр бэртээж гэмтээх болно. Гэхдээ үүнийг зүйрлэхийн аргагүй их хүч чадалтай шидтэн л хийж чадна.“
Алекс багшийн яриаг чимээгүй сонсож сууснаа "Энэ хар шидтэй ямар холбоотой юм бэ, ноёнтон?" гэж асуув.
Хацар нь улаа бутарсан профессор Линц хундаганаасаа бас нэг балгаад харцаа буруулж "Би энэ талаар ярьж чадахгүй." хэмээн бувтнасанд
"Сайн байна, ноёнтон. Тэгвэл би өөрөө л олж мэдэхээс дээ." гэж Алекс хариу хэллээ.
Линц нүдээ бүлтийлгэж тэрбээр гараа зангаад "Үгүй, үгүй, ингэх хэрэггүй. Би чамд тайлбарлаж өгье. Гэхдээ... хэрвээ намайг ярьж өгвөл энэ аюултай зүйлийн талаар дахиж сөхөхгүй гэж надад амалж чадах уу?" гэж асуув.
Алекс ойлгосон гэдгээ харуулж толгой дохилоо.
"Би жаахан сониуч зантай хүн л дээ, ноёнтон."
"Хар шидийг хэрэглэх үед хоёр түвшин дээр том алдаа гардаг." хэмээн профессор шивнэх шахам ярьж эхлэв. "Эхнийх нь ид шидийн сургууль аль нэг хүний ид шидийн хүч чадлыг илүү сайжруулах зорилготой хүчээр оролдох үед тохиолддог. Харин хоёр дахь нь хүний амин сүнсний ид шидийг арилгадаг." Линц толгой сэгсэрлээ. "Үүнийг хүний ёсноос гадуурхи үйлдэл гэж ойлгоход болно. Энэ хар шидээр хүнийг үхдэл болгосон мэт харагдаж байгаа ч энэ бол тийм биш. Чи тухайн хүний биеийг алаад, амин сүнсний шид бүхий сүнсийг нь өөрийнхтэйгөө холбож боолоо болгоно гэсэн үг."
Алекс сайн ойлгожээ. Санаанд нь зөвхөн захирлууд л орохыг зөвшөөрдөг газар доорхи бунхан, бас нөгөө гавлын ясанд байсан ер бусын илүү нүдний аяга орж ирсэнд тэрбээр шүлсээ гүдхийтэл залгив.
Харин Линц хар шидний тухай яриа Алексыг айлгачихжээ хэмээн бодсон бололтой толгой дохиод "Энэ шал утгагүй сонсогдож байгаа биз, тийм ээ?" гэж хэллээ.
Алекс таамаглалаа баттай мэдэхийг хүсэв. "Хар шидийг Анимагийн нэг төрөл гэж байгаа юм бол та хэрвээ нэг хүний амин сүнсний ид шидийг хулгайлчихвал түүнийг хомункулус хийхдээ ашиглаж чадна гэсэн үг үү?"
Линц нүдээ ирмэснээ гэнэт аньсгаа нарийсгаж "Та нар... ийм их мэдээлэлтэй байгаа чинь миний гайхлыг төрүүлж байна." гэж хэллээ.
Арай дэндүүлчихлээ хэмээх дуу Алексын толгой дотор нь хадав. "Би арай хэтрүүлж бодсон бололтой," гэж тэр хурдан хариулаад хананд өлгөөтэй цаг руу харснаа гайхсан царай үзүүлж
"Аль хэдийн гурав болчихсон юм уу? Би хүнтэй уулзана гээд тохирчихсон юмсан" гэлээ.
Линц нүдээ жартайлгасан хэвээрээ хундагатай шингэнээсээ балгаад гараа энгэртэ зөрүүлж суув. "Тэгвэл яв даа. Харин энэ хар шидний талаархи утгагүй яриаг мартаж үзээрэй."
"За ноёнтон, тэгэлгүй яахав."
Алекс суудлаасаа босож нэг ч алхаж амжаагүй байтал Линц ард нь ирж зогслоо.
"Вэббер,"
Алекс арагшаа эргэж харахдаа профессорын сониучирхсан харцтай тулгарав.
"Ноёнтон?"
Линц биеэ барьж чадахгүй болсон харагдана. Тэрбээр уруулаа хазалж, зовхи нь чичирхийлнэ.
"Бидний ярьсан зүйлийн талаар профессор Дөрхинд хэлж болохгүй шүү."
Алекс нүдээ цавчлаа. Энэ талаар маргааш Дөрхинтэй ярилцана гэж тэр бодсон байжээ. "Яагаад болохгүй гэж, ноёнтон?"
Линц шууд хариулалгүй түр зогслоо. "Түүнийг муу хүн гэж би хэлэх гээгүй юм шүү." гэж болгоомжтой хэлэв. "Тэр сайн хүн, Үнэхээр сайн. Би түүнийг миний найз гэж хэлж чаддагтаа их баяртай байдаг. Энэ бол зүгээр..." Тэр түгдэрч байснаа сүүлдээ дуугаа бүр мөсөн хураалаа.
Гадаа саарал өнгөтэй байсан тэнгэрт гэнэт аянга цахилан чанга нүргэлж дуугарснаа тэр дороо асгарсан борооны ус цонхны шилийг хагалах шахам нүдэж эхлэв.
"Тэр байгаа газраа хийх ёстой юмаа л хийж байг." хэмээн хэлсэн Линцийн нүдний харц их хачин болсон харагдав. Тэр бас уруулаа байдгаар нь зуучихсан, гүрээнийх нь судас томорч хүчтэй лугшихыг Алекс анзаарч харлаа. Алексыг ам нээж амжихаас өмнө Линц яриагаа үргэлжлүүлэв. "Шулуухан хэлэхэд Дөрхин тэр зүйлсийг битгий хийгээсэй гэж би хүссэн юмсан. Тэр үүнийг миний төлөө нилээд удаан хугацааны турш хийж байгаа. Гэтэл одоо би... Энэ талаар Дөрхинтэй ярилцаxгүй гэсэн амлалт надад өг. Тэглээ гээд сайн юм болохгүй."
Алекс уруулаа шилэмдээд толгойгоо дохисон болоод тэр дороо эргэн хонгил руу гарлаа. Өөртэй нь зөрж өнгөрөх сурагчдын зарим нь хоорондоо ярилцан инээлдэж байхад, зарим нь барьсан номондоо хамраа шургуулчихсан явж харагдана. Линцийн царайны хачин хувирлыг Алекс саналаа. Энэ Аамирын царайтай маш адилхан харагдаж байсан ажээ.
Айдас.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.29.17 10:05 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *
Davhar orchihjee

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jan.03.18 1:05 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.30.17 1:22 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *

Натали өөрийг нь олж иртэл Алекс номын санд гадагшаа цонхоор бороо орж буй талбай руу ширтэж суув. Алекс толгойгоо эргүүлж урдаас нь харж суусан охины хар өнгөөр хүрээлсэн нүдний зовхи, өнгөлж будсан хацар, бас гялтганасан саа цацсан гэзгийг олж харлаа.
"Энэ чинь юу... ?" Алекс охиныг тас гөлрөв. Тэр хүн байна гэж хэлэхэд хэцүү, харин шаазан эсвэл хуванцраар хийсэн хүүхэлдэй шиг харагдсан тул охины төлөө Алексын санаа их зовлоо. "Чи яачихаа вэ?
Уурлаж бачимдсан Наталигийн нулимс сул урсаж, тэрбээр нүүрээ алгаараа таглаад
"Эсмералда надад гоо сайхны ид шид заах гэж оролдсон юм." хэмээн гомдоллов. "Над руу битгий хар! Энэ миний нүүр биш!"
"Гэхдээ тэр яагаад чамд ийм юм хийдэг байна аа?" гэж Алекс мэл гайхан асуулаа.
"Би түүнээс хар шидний талаар асуусан. Гэтэл тэр намайг хөвгүүдийн нүдэнд өртөхийн тулд ямар нэг аймшигтай юм сурахаар оролдож байна гэж бодсон бололтой. Тэгээд л тэр надад ийм юм хийчихлээ!"
Алекс дургүйцсэндээ хөмсгөө зангидав. "Нүүрийг чинь өөрчилсөн болохоор жаахан хачин харагдаж байна. Нүүр амаа будаж янзлах бол өөр хэрэг, харин энэ... ,чамайг өмнөхөөсөө илүү царайлаг хөөрхөн харагдаж байна гэж би хэлэх гэсэн юм."
Охин Алексыг эхлээд хурууныхаа завсраар харснаа дараа нь гараа буулгалаа.
"Нээрэн үү?" гэж асуух үед охины нүд гэрэлтээд ирэв.
"Тийм ээ," Өөрт нь жаахан ичгүүртэй байсан ч охин уйлахаа зогссонд хүү дотроо баярлаж байлаа. "Энэ төрх чинь надад эхлээд жаахан хачин санагдсан. Гэхдээ энэ хурдан арилна гэдэгт би итгэж байна."
"Би ч гэсэн тэгж найдаж байна." гэж охин хэлээд инээв. Тэр одоо жаахан ч гэлээ жаргалтай харагдаж байлаа.
"Хар шидний талаар чамд юм хэлж өгөв үү? хэмээн Алекс тэдний уулзалт бага ч болтугай амжилттай болсон гэдэгт найдсан хэвээрээ асуув.
Натали эрүүгээ тулж суугаад уртаар санаа алдаад "Үгүй, амжилтгүй." гэж хариуллаа.
Тэр хоёр урьд өдөр нь номын санд бүтэн өдөржин хар шидтэй холбоотой ном хайсан боловч
бараг юу ч олж чадаагүй ажээ, Эцэст нь Жари ийм төрлийн шид байдаг боловч энэ бол сурагчдын хувьд зүгээр л хаалттай сэдэв гэж батлан хэлжээ.
"Энэ бол оньсого," хэмээн тэр ердийнхөөрөө дуугаа намсган жүжиглэж хэлээд "Яагаад гэдгийг хэн ч мэдэхгүй!" хэмээжээ.
Харин Алекст нэг бодол байлаа. Аль эрт нас барсан хэдий ч одоо хүртэл энүүгээр тэрүүгээр тэнүүлчилж яваа шилтгээний эзэн үүнтэй холбоотой байж таарна.
Өөрсөд рүү нь хөлийн чимээ ойртохыг сонсоод Алекс эргэж харав. Хөмсгөө зангидаж нүүрээ барайлгасан Жарийг олж хараад тэр их гайхлаа. Түүнийг ширэээнд дөхөж ирэхэд Натали ч гэсэн толгойгоо өргөв.
"Саад болсонд минь намайг өршөөгөөрэй, гэхдээ надад Алекс хэрэгтэй байна."
Наталиг тоглоом тохуу хийж амжихаас Алекс суудлаасаа өндийлөө. Жарид ямар нэг юм тохиолдсон бололтой, хүү ердийн байдгаасаа шал өөр, сэтгэлээр уначихсан юм шиг харагдана. Бас түүнийг хичээлээс гадуур Аамиртай хамт биш, ганцаархнаа явах нь ховор билээ.
"Хоёулаа яриагаа дараа үргэлжлүүлье." гэж Алекс Наталигаас өршөөл эрэн хэлэхэд охин толгой дохиод Жари руу хяламхийж харвал хүү цонхоор гадаа орж байгаа бороог гунигтай нүдээр харан зогсож байлаа. Алекс анхаарлыг нь татахаар хүүгийн ханцуйнаас татав.
"Өө,"
"Жари, юу болсон юм бэ?"
Жари инээмсэглэх аядаад "Би чамд нэг юм харуулах гэсэн юм. Алив хамт явъя!" гэв.
Жари Алексын гарнаас атган чангаахад Алекс дагаж явлаа. Номын сангаас гарахын өмнө Алекс Натали руу эргэж харан 'гоо сайхны шид' удахгүй өөрөө арилна гэж хэлэхийг хичээж охин дээр харцаа түр тогтоов. Охин зүгээр болно.
Хэдэн хором алхсаны дараа унтлагын өрөө рүүгээ яваагүй гэдгийг Алекс анзаарлаа.
"Бид хаашаа явж байгаа юм бэ? Аамир хаана байна?"
Жари Алекс руу хяламхийж харснаа санаа алдав. "Надад чамаас асуух зүйл байна. Бас одоогоор чамд тулгараад байгаа хүнд асуудал байхгүй. Харин чамайг надад үнэнийг хэлээсэй гэж би хүсэж байна."
Алекс толгойгоо алгуурхан дохилоо. "Болж байна, алив хэл л дээ."
"Чи Аамиртай сургууль төгсөлтийн талаар ярилцаж байсан уу?"
Тавьсан асуулт агаарт тогтсон мэт нэг хэсэгтээ нам гүм болов.
"Би ярилцаж байсан, гэхдээ энэ аль эрт... нилээд урт хугацааны өмнө болсон хэрэг шүү дээ."
Дахиад нэг хэсэг нам гүм болсны дараа
"Ийм ярианаас болсон гэж би бодсон юмсан." гэж Жари хэллээ.
Хэдийгээр жижиг шавилхан биетэй боловч хурдан алхаж яваа Жариг гүйцэхийн тулд Алекс бараг шогшиж явав.
Жари хагас атгасан гараа савчуулж явна. "Аамир. тэр... , тэр сургуулиа удахгүй төгсөнө гэхээс түүний санаа маш их зовж байгаа. Чи үүнийг анзаараагүй байж мэдэх ч тэр хичээлдээ улам бүр шамдаж байгааг би мэдсэн. Одоо бүр энэ талаар... тэр элдэв янзын хачин ойлголтууд авсан бололтой."
Алекс нүдээ анивчуулаад "Аамир угаасаа ийм хүн байгаагүй гэж үү? хэмээн асуулаа. "Тэр үргэлж идэвх зүтгэлтэй харагддаг шүү дээ."
"Тэр мэдээж хамгийн сайн нь," гэж Жари хариулаад "Гэхдээ энэ харин..., би чамд одоохон харуулна." гэв.
Жари түүнийг нөгөө зоорь байдаг хуучин цэцэрлэг рүү гардаг хаалгаар дагуулж гарлаа. Алексыг толгойгоо борооноос халхалж амжихаас өмнө гэнэт өөрийг нь тойрон гэрэл гялсxийн анивчсанаа биеийг нь бүхэл нь бүрхэв. Бүрхүүлийг борооны дусал нэвтлэхгүй байлаа. Жари харин зүлгэн талбай дундуур гарсан шалбааг тогтсон замаар алхаж яваа харагдав.
Алекс мөн адил гутлаа норгон шалбааг туучин алхахдаа борооны дусал биенд нь хүрэлгүй хэрхэн доошоо урсаж байгааг биширсэн харцаар харж явлаа. Алекс Жарид энэ гайхалтай ид шидийнх нь талаар хэдэн үг хэлэхийг завдтал борооны дусал хацар дээр нь дуслав. Тэр Жариг харвал хүү ид шидийн хүч нь суларсныг анзаарсан шинжгүй харагдана. Нүдээ анисан хүү хоёр нударгаа зангидсан байлаа.
Тэр хоёр зооринд хүрч очиход Жари Алексыг гараараа зангаж арагш нь холдуулаад өөрөө доошоо бөхийж суув. Хүү зоорины хаалган дээр хэвтэх мөлхөө ургамлыг зайлуулах үед гэрэл гялсxийн ид шид тайлагдаж Алекс борооны усанд тэр дороо нэвт норлоо. Жари үүнийг огт анзаарсан шинжгүй зоорины таглааг авахыг Алекс хараад урагшаа алхтал гэнэт хурц гэрэл гялсxийв. Алекс цочиж арагшаа нэг алхам ухран шалбааг дунд зогслоо. Жари хоёр хуруугаа зоорь луу чиглүүлжээ. Хуруунуудынх нь үзүүрт ассан гэрэл улам тодорч зоорины амсрыг гэрэлтүүлэв.
"За алив, чи ор," гэж Жариг хэлэхэд Алекс гайхсан нүдээр хүүг харлаа.
"Чи өөрөө орохгүй юм уу?“
"Энэ чиний ээлж. Тэр огт сонсохгүй байгаа." гэж Жари хамраа шуухитнуулан хэлэв. Хүү Аамирт юу тохиолдоод байгааг нүдээрээ хар гэж хэлж байгааг Алекс ухаарч ойлгов.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Dec.30.17 3:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Төгсөхөөр нь энэ алчихдаг бхаа, эсвэл хаа нэгтээ хорьчихдог ч юм уу.

Хамгийн сүүлийн хэсгийг санаандгүй дахиад оруулчихсан уу? Өөр хэсэг оруулах гэж бгаад андуурчихсан уу ккк.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.30.17 8:39 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 490
Location: Төв цэгт
Тэр захирал нь өмнөх захиралаа харишидээр алаад өөртөө үйлчлүүлж байгаа байхдаа. Тэгээд янз бүрийн шидтэй хүүхдүүд авчирч бэлдэж байгаад хар шидээр өөрийнхөө эрхшээлд оруулж байдаг байх гэж таав.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jan.04.18 4:24 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 21


Бороо орж байгаа ч зооринд дулаахан, шат хуурай байлаа. Алексыг доошоо шатаар уруудах үед хүйтэн агаар тэр дороо зоорины халуун агаараар солигдон, нурууг нь дагаж хөлс урсаж алга нь хөлрөв. Зооринд бууж ирэхэд тэрбээр толгой нь эргэж, нүднийх нь өмнө халсан агаар давалгаалж харагдлаа.
Аамир өрөөний эсрэг талд цамцаа тайлчихсан зогсож байв. Нэвт норсон туранхай биенээс нь хөлс дуслах тэрбээр наашаа эргэхдээ Алексыг гэнэт олж хараад нүдээ хурдан цавчлав. Тэр хоёр гараа бугуйгаар нь агаарт хурдан хөдөлгөтөл тэр дороо Алексын хөлд тоос манаруулан урд нь бараг тулж ирлээ. Жари дээр хаалга хаах нь сонсогдов.
" Намайг шалгаадах гэж чамд Жари хэлээ юү?" гэж Аамир асуулаа. Кофений өнгөт арьсыг нь бүрхсэн шидэт дөлний нөлөөнд тэр бүхэлдээ гэрэлтэж харагдана. Алекс тэр хүүг харж зогсохдоо ид шид гэдэг чухам юу болохыг ойлгов. Магадгүй жинхэнэ ид шид бол ангидаа байнга хардаг нэг л төрлийн зүйл биш харин одоо энэ аюултай шатаж буй мэт харагдаж байгаа энэ зүйл байж мэдэх юм.
"Тийм ээ. Ингэхэд чамд юу тохиолдсон юм бэ?
Аамир хариу хэлсэнгүй, харин амаа тургилав. Тэр өрөөний харанхуй буланд байсан ширээн дээр тавьсан цамц руу гараа сунгатал цамц нь дэлгэсэн алган дээр нь ирж буусны дараа биеийг нь бүрхсэн энерги бүдгэрлээ.
"Жари санаагаа дэмий зовоож байгаа юм. Би зүгэээр дасгалаа хийж байна."
"Би харж байна." гэж Алекс хариу хэлэв. Галын илчинд түүний хөлс нурууг нь дагаж урссаар байлаа. "Чамайг арай хэтрүүлээд байна гэж тэр айгаад байх шиг надад санагдсан."
Аамирын нүдэнд оч гялсxийв. Тэр хуруугаа нэг хачин эргүүлэх шиг болтол нэг сандал газраас хөндийрч нүд ирмэхийн зуур Алексын ард хүрч ирлээ. Сандал доошоо газардахад Алексыг суу хэмээн Аамир дохив.
"Хэдэн сарын дараа би сургуулиа төгсөнө." гэж Аамир хөндий дуугаар хэллээ. "Ердөө хэдхэн сар, дараа нь... юу болохыг хэн мэдэхэв? Бид хоёр өмнө нь энэ талаар ярилцаж байсан. Юу болно гэж чи бодож байна?"
Алекс тоосонд дарагдсан зоорийг тойруулж харснаа сандлаа налж зогсоод хатсан уруулаа долоов.
"Үнэнийг хэлэхэд бид мэдэхгүй..."
"Алекс!"
Хүү нүүрээ үрчийлгэхийг хараад Алекс эцэст нь
"Чи бусадтай адил алга болно." гэж хэлсэнд Аамир толгой дохилоо.
"Ядаж л чи үүнийг хүлээн зөвшөөрч байна. Харин Жари ямар ч муу зүйл тохиолдохгүй юм шиг царайлж байгаа. Би түүнийг Нью Дели дэх гэртээ кофе уухаар урьж сургуулийнхаа талаар хамтдаа ярьж хөөрөлдөж чадах юм шиг. Гэтэл ийм юм болохгүй." Аамир Алексыг харах үед өөрөөс нь олон насаар ах биш энэ хүүгийн мохошгүй зоригтой харагддаг царай хувирч өмгөөлөл эрж царайчилсан маягтай болсон байлаа.
"Би айж байна." гэж тэр хоолойгоо зангируулан хэлэв. "Яг юу болдгийг мэдэхгүй байгаа ч харин их муу юм тохиолдож магадгүй гэдгийг би сайн мэднэ."
Алексыг хариу хэлж амжихаас өмнө Аамир "Надад нэг төлөвлөлгөө байна." гэлээ.
Энэ Aлексын сонирхлыг татсан тул тэр сандал дээр суугаад "Надад яриад өг дөө." гэж хэлэв,
Аамир ярих эсэхээ шийдэх гэсэн бололтой түр дуугүй зогссоноо амьсгалаа гүнзгий аваад ярьж эхэллээ. "Би өөрийгөө багшийн байр сууринд үлдээх талаар ярилцана."
Өрөөнд улам нам гүм болж толгой дээр нь хүчтэй шуурга зоорины тагийг балбах чимээ гарахыг Алекс тод сонсов.
"Ярилцана аа..?." хэмээн түүнийг давтан хэлсэнд
"Багш, тийм ээ... Намайг ухаанаа алдчихаж гэж Жари бодож байгаа, гэхдээ энд урьд нь ийм юм болж байсан. Энд байр суурин дээрээ байнга байдаг хүмүүс бол Захирал, Эрэлчин хоёр. Бусад нь ирээд дараа нь явцгаадаг. Цэцэрлэгт ажилладаг байсан эмэгтэй, бас хананд өлгөөтэй олон хөрөгний эзэд бүгдээрээ алга болж, шалгалтаа давж чадсан сурагчид тэдний байр суурийг эзэлсэн."
Алекс толгойгоо алгуурхан сэгсэрлээ. "Гэхдээ энэ зөв арга зам биш, чи энд үүрд хадагдана гэсэн үг. Багш нар эндээс хаашаа ч явдаггүй биз дээ?"
Аамир мөрөө хавчаад "Би ядаж л жаахан ч гэсэн цаг хожиж чадна. Я одоо энэ хамгийн чухал нь." гэж ядарч цөхөрсөн байртай хариу хэлэв.
"Чи төлөвлөгөөгөө хэнтэй ярилцах гэж байна? Үүнийг яаж хийх юм бэ?"
Аамир хэсэгхэн бодол болсноо "Дөрхинтэй ярилцдаг юм уу гэж бодож байна Харин яаж гэдгээ сайн мэдэхгүй байна. Тэрнээс өмнө би чадах бүхнээ хийж өөрийгөө сайн бэлтгэнэ."
Гэнэт Алексын санаанд профессор Линцийн айдаст автсан царай орж ирсэнд
"Би лав Дөрхинийг санал болгохгүй." гэж тэр хурдан хэллээ.
Аамир гайхсан нь илт хөмсгөө өргөж "Яагаад болохгүй гэж?" хэмээн асуув.
"Би саяхан Линцтэй ярилцсан. Гэтэл тэр Дөрхинөөс их айдаг юм шиг санагдсан. Миний бодлоор Дөрхинд их олон нууц байдаг бололтой."
Аамир толгойдоо бясалгаж байгаа бололтой харагдана. "Тэр хамгийн зөв сонголт гэж надад санагдаж байгаа ч энэ талаар би сайн бодож үзэх хэрэгтэй юм шиг байна."
Хөвгүүд нилээд удаан чимээгүй сууцгаасны эцэст Алекс ам нээлээ.
"Жари чиний төлөө маш их санаа зовж байгаа."
"Тэр чинь шал тэнэг," гэж Аамирыг амандаа бувтнахад Алекс хариу хэлсэнгүй. Тэрбээр хүүг хариу хэлж дуусаагүй гэж боджээ. "Тэр энэ чухам юу болохыг ердөө ойлгохгүй байгаа юм. Бүх юм сайн сайхан болно л гэж тэр бодож байгаа, бас тэд... муу зүйл хийхгүй гэж... Би өөрийгөө хувь заяандаа даатгаж, юу ч хийхгүй хүлээгээд сууж чадахгүй. Би ямар нэг юм хийх хэрэгтэй гэдгийг чи ойлгож байгаа биз дээ?"
Алекс Эрэлчинг дагаж явсан Наталиг, сүүдрээс бүтсэн хар муурыг саналаа. Бас өөрийгөө тойруулан тоо томшгүй олон бэх дүүргэсэн бэхийн сав тавьсан Захирлыг, мөн хөл хорьж татсан алтан шугамын талаар бодов.
"Ойлгож байна," гэж тэр Аамирын нүдийг эгцлэн харж хэллээ.
Гадаа бороо зогсож, цаг агаар өөрчлөгдөж нам гүм болоход одоо өрөөнд зөвхөн хоёр хүүгийн шуухитнан амьсгалах тод сонсогдож эхлэв. Тэр хоёр нэг хэсэг өөд өөдөөсөө харж суутал Аамир босож цамцаа хажуу тийш чулуудлаа. Тэрбээр биеийг нь тойрон алтлаг өнгийн утаснууд эргэлдэхэд үүнийг харж суусан Алексын эргэн тойрон цасан ширхэг, жижигхэн мөс унаж эхлэв. Аамир шидэт энергээ өөрчлөхөөр хоёр гараа дэлгэхэд бяцxан цэнхэр өнгийн дөл болж хувирлаа.
"Цагаа дэмий үрэх хэрэггүй гэж Жарид хэлээрэй. Надад өөр сонголт байхгүй болохоор би нүр мөсөн хатуу шийдсэн." гэж Аамир хэлэв.
Алекс хамт амьдардаг найздаа ямар нэг зөвлөлгөө өгөөд нэмэргүй гэдгийг ойлгожээ. Магадгүй түүний төлөвлөгөө гэгч нь буруугаар эргэж Аамирыг үхэхэд хүргэж мэдэх юм. Гэхдээ хэрвээ тэр өөрөө Аамирын оронд байсан бол бас л ийм шийдвэр гаргах байсан биз.
Аамир энергээ хэрхэн хуримтлуулахыг Алекс харж зогссоноо дороо эргэж дээшээ цэцэрлэг рүү гарахаар шатаар өгсөв.
Бороо зогсож, оронд нь өвлийн хүйтэн сэвшээ салхи үлээн агаараас давс болон нарс модны үнэр ханхалж байлаа. Алекс амьсгалаа гүнзгий аваад эвдэрч сүйрсэн цэцэрлэгийг тойруулж харав. Жари аль хэдийн явчихсан бололтой харагдсангүй. Алекс уртаар санаа алдаад шилтгээний хамгийн ойрын хаалгыг чиглэж алхлаа.
Хориод алхмын дараа газар шүргэх шахам гулзайсан модны доогуур явж байтал Алекст яагаад ч юм гэнэт өөрийг нь хэн нэгэн ажиглаад байх шиг санагдав. Тэр дороо зогсож орчин тойрноо ажигласан боловч юу ч харагдсангүй, ганцxан хүйтэн салхи салхилж байлаа.
"Сайн уу?" хэмээн дуу чанх дээр нь гэнэт сонсогдсонд цочсон Алекс арагшаа ухран дээшээ нүцгэн мөчирнүүд лүү харав. Модны холтсон дээрх нарийхан хар зурааснаас сарвуу гарч ирснээ сүүдэр бутлаг ургамлаас бүр мөсөн саллаа.
"Дахиад л чи юү?" гэж хэлээд Алекс гараа халаасандаа шургуулж нүдээ анив. "Өнөөдөр надад оньсого таах хүсэл алга."
Муур хоолойны цаана нуг нугхийн хөхөрснөө "Ааш муутай байх шив!" гэж чанга хэллээ.
"Надад нэрээ хэл. Эсвэл би явлаа." гэж хэлээд Алекс толгойгоо ихэмсгээр өргөв.
Мөчрөн дээрээс суусан муур сүүлээ шарваад
"Элайс. Чамтай уулзахад таатай байна, Алекс Вэббер." гэлээ.
Муур бүтэн нэрийг нь мэдэж байсанд Алекс огт гайхсангүй, тэрбээр сүүдрэн дүрсийг харав. Тэрбээр анх удаагийнх шигээ өөрийгөө галзуурчихаж гэж бодоогүй ч тэр болгоомжтой байхад илүүдэхгүй гэдгийг сайн мэдэж байлаа.
"Ингэхэд чи юу юм бэ?"
"Өө тэгэлгүй дээ, хүү минь. Сайхан асуулт байна. Би өөрөө ч гэсэн үүнийг мэдмээр байна."
Алекс амьтныг энэ удаад зүгээр явуулахгүйгээр шийдэж, бодсноо хэлэхээр өмнө нь мэхийн ёслоод
"Хомункулус," гэлээ.
Муур хэсэгхэн зуур дуугүй толгойгоо унжуулж хэвтсэнээ "Магадгүй..." гэж хариулав.
"Чамайг хэн ингэсэн юм бэ?
Муур бэх шиг хар шүдээ ярзайлгалаа. "Элайс намайг хийсэн болохоор би бол Элайс."
Алекс үг хэлэхээр амаа нээтэл Элайс доошоо буух нь дээр гэж үзсэн бололтой мөчирнөөс хүрхрээ шиг урссанаа өндрөөрөө өөртэй нь чацуу, урт үстэй сүүдэрнээс бүтсэн залуухан хүү болж хувирлаа.
Тэрбээр гараа энгэртээ зөрүүлээд Алексыг дээш доош нь гүйлгэж харснаа
"Би чиний дайсан биш," гэж хэлэв.
"Тэгвэл чи хэн юм бэ?"
Элайс инээд алдсанаа алгаа хавсарлаа. "Мэдээжийн хэрэг, би бол ачтан. Энэ удаа би зөвхөн чамд туслахаар ирсэн."
Алекс түүнийг таг гөлрөн ширтэхэд Элайст таалагдсангүй бололтой бараан царайгаа ярвайлгав. "Алив ээ, ингэхээ больж үз. Би үнэхээр чамд нэг юм хэлэх гэсэн юм!"
Алекс хариу хэлэхийн өмнө бодол болон хэсэг дуугүй зогслоо. "Тэгээд юу юм бэ дээ?"
Царай нь зовсон шинжтэй харагдаж байсан Элайс түүнд сэтгэгдэл төрүүлэх гэсэн бололтой инээмсэглэхэд ам нь дээшээ шанаа руугаа татагдан хөмсөгтэй нь бараг нийлж, хүн төрхтэй байсан нүүр нь муурныхтай төстэй болов.
"Эрэлчин үхсэн." гэж түүнийг хэлэхэд
"Би үүнийг мэднэ." гэж Алекс уцаарлан хариуллаа.
Элайс толгой дохиод "Чамайг мэдсэн гэдгийг би мэднэ. Бас чи хар шидийн талаар мэдээлэл хайж байгаа." гэж хэлснээ нуруугаа бөгтийлгөн хуруугаа ажиглан зогсов. "Тэр номыг хаанаас олж болохыг би мэддэг байж ч магадгүй."
Алекс гэнэт хурдан цохилж эхэлсэн зүрхээ тайвшруулахыг хий дэмий оролдлоо. "Хаана?"
Элайс инээд алдав. "Чи тэр номоор юу хийх гэсэн юм бэ?"
Алекс сүүдрэн хүнийг хүйтэн харцаар харлаа. Тэр энэ дүрсэнд өчүүхэн төдий ч итгээгүй боловч өмнөхтэй адил хоосон гартай үлдэхийг хүссэнгүй. Тэр хувь заяанаасаа зугтаж чадахгүй болсондоо шаналан өөрийгөө зоорины хана руу чулуудаж байгаа Аамирын тухай бодлоо. Тэр бас өчигдөр шаналан зовж байсан Наталиг, гэртээ ганцаараа үлдсэн ээжийнхээ тухай бодов. Тэдний хувь заяа энэ номноос шалтгаалж ч мэдэх юм.
"Чи яагаад энэ талаар мэдэхийг хүссэн юм бэ?" гэж сүүдрэн хүү элгээ тэвэрсэн хэвээр асуухад
"Сониуч зан гээд л бодчих," гэж хэлээд Алекс мөн адил гараа энгэртээ зөрүүлэн зогсов.
Бид азаа үзсэн нь дээр байх, гэж Алекс бодоод Элайсыг дээрээс нь доош гүйлгэж харлаа. Тэр ямар нэг аргаар шалтгааныг нь олоод мэдчихнэ.
"Бид Эрэлчнийг устгах гэсэн юм." гэж тэр эцэст нь хэлсэнд Элайс аяархан шүгэлдэв.
"Энэ чинь итгэмээргүй төлөвлөгөө байна. Сайн бодсон байна шүү."
"Тэгвэл..."
"Чиний хайж байгаа ном Захирлын өрөөнд байгаа."
Алекс хариу хэлэлгүй удаан зогслоо. Түүнд зайлшгүй хэрэгтэй байгаа ном гар хүрэхэд хэцүү газар байдаг ажээ.
"Тэгвэл би түүнийг яаж авах вэ?" гэж тэр эцэст нь асуув.
Элайс хоёр гараа сунгаж модны мөчрөөс атган дээшээ авирч гараад дахин муурны дүрстэй боллоо.
"Чамд өөрийн гэсэн бяцxан авьяас байдаг шүү дээ. Чи чинь саваагүй зантай хулгайч биз дээ. Үүнийгээ яагаад ашиглаж болохгүй гэж?"
Мөчрөн дээр хэвтэж байсан муур модонд хэрхэн уусаж алга болохыг Алекс амаа ангайсан хэвээрээ ажиглан харж зогслоо. Эдгээр үгсийг хэлэхийн өмнө Элайс аль хэдийн алга болж шилтгээн рүү явсан гэдгийг Алекс мэджээ. Элайс өмнөх амьдралдаа хэн байсан юм бол? Тэр яагаад өөрийг нь дагаж мөрдөн болсон болоогүй зөвлөлгөө өгдөг юм бол?
Захирлын өрөөнд сэмхэн орохын тулд юу олж мэдэх хэрэгтэй юм бол хэмээн Алекс өөрөөсөө асууснаа эргэн тойрноо ажиглаж харлаа. Энд хүсэл мөрөөдөл гэх юу ч үгүй, үүрд зогсжээ. Нүднийх нь өмнө үхэшгүй мөнхийн боол болсон нэг эрээр хамгаалуулсан шилтгээн хэмээх нэртэй балгас л үзэгдэнэ.
Алекс Уроборосын бариулаас татаж дотогшоо ороод өрөө рүүгээ бодол болон удаа алхлаа. Тэрбээр өнөөдрийн адал явдал үүгээр дууслаа хэмээн бодсон боловч тэр алджээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.04.18 5:27 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 22

Алексыг номын сангийн хаалганы хажуугаар өнгөрч явтал гэнэт хашгирах чимээ агаар зүслээ. Тэр чимээ гарсан хоосон хонгил руу харав.
Дахиад хашгирах чимээ сонсогдсонд Алекс урагшаа ухасxийн гүйлээ. Тэрбээр юу хийж байгаагаа ч мэдэхгүй, толгойд нь юу ч бодогдсонгүй, хонгилоор хурдлан гүйсээр булан тойронгуутаа аймшигтай юм олж харав.
Нэг охин газарт үнгэгдсэн мэт хэвтэх хүүгээс холдохыг хичээх мэт хананд наалдаж зогсжээ. Хүү Аамирын ид шидийнх нь чадварыг бишрэн хүндэлдэг Блэйн Сталварт гэгч болохыг Алекс шууд танив. Түүний гар хөл нь хөшиж нүүр нь сүүдэрт халхлагдсан байлаа.
Хөлнийх нь дэргэд алтан зурвас харагдана.
"Өө бурхан минь, хэн нэг нь дүрсгүйтжээ," хэмээн тайван хэлэх дуу тэдний ард гарлаа.
Алекс эргэж харвал профессор Дөрхин нөхцөл байдалд үл тохиром цэмцгэр алхлан ирж явлаа. Тэрбээр Сталварт дөхөж ирснээ охин руу ууртай харав.
"Т... т... тэр энэ хүмүүсийн ярьж байгаа шиг тийм ч аюултай биш гэж хэлсэн." гэж охин хэллээ. "Энэ түгшүүрийн дохио шиг дуугарна. Зарим тэнэг нь дэмий чалчиж байгаа гэсэн."
"Зөвхөн түгшүүрийн дохио шиг дуугардаг гэнэ ээ?" гэж Дөрхин хэлэв. "Энэ хөх зурвас биш биз дээ? Тэр бол түгшүүрийн дохио өгнө, харин алтан зурвасыг оролдох юм бол яг энэ харж байгаа шиг чинь зүйл тохиолддог. Тийм учраас би үүнийг янзлахаар энд ирээд байна."
Тэр шалан дээр хэвтэж байгаа хүү рүү тонгойж харлаа.
"Тэр арай...?" Охин үгээ гүйцээж чадсангүй.
"Тэр дүрэм зөрчиж шийтгэлээ амсжээ." хэмээн Дөрхин ширүүн нухацтай хэлэв. "Түүнийг Стилвотер Ордон руу хүргэх хэрэгтэй."
Алекс хөдөлгөөнгүй хэвтэх Блэйн рүү харвал хүү амьсгалахгүй байх шиг санагдав. Хүүгийн арьсан дээр харагдах шидэт энергийн ороолдсон утаснуудыг хараад Алекс хүрмээрээ биеэ сайн ороолоо. Хонгилд маш хүйтэн болжээ.
Дөрхин Алекс руу эргэж түүнийг цоо ширтэв.
"Вэббер, чи арай энэ хэрэгт оролцсон юм биш биз?"
Алекс толгой сэгсэрлээ.
"Хүн хашгирахыг сонсоод наашаа гүйж ирсэн."
Дөрхиний санаа амарсан бололтой толгой дохив. "Сайн байна. Одоо чи явж болно."
Алекс эргэлзсэн хэвээрээ газар хэвтэх хүүгийн бие болон үхтлээ айснаас хананд уусан алга болохыг оролдох мэт харагдах охин хоёрыг ээлжлэн харж зогслоо. Цонхоор тусах бүдэг гэрэлд Дөрхин цонхигор царайгаа атируулж харагдав.
"Яг одоо яв, Вэббер," гэж тэр аяархан хэллээ.
Хүүд тус болохоосоо өнгөрсөн гэдгийг ойлгосон Алекс тэр дороо эргэж алхав. Тэрбээр профессор араас нь дагуулж харахыг мэдэрлээ.
Түүний бодол өөрөө нэг удаа эвдэж байсан алтан зурвас дээр эргэлдсээр.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.04.18 7:15 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Бүлэг 23


Хичээл дээр Дөрхин Блэйн Сталвартын талаар нэг ч үг унагасангүй. Хэд хоногийн дараа хүүтэй хамт байсан охин, Клэйр Голдфилд хичээлдээ буцаж ирсэн боловч харцаа доош нь буулгасан тэрбээр бусад сурагчдаас зай барьж байлаа. Найзууд нь түүнээс Блэйний талаар асуухад охин байдгаараа цонхийн цайж гал улаан үсээ сэгсчин нэг ч үг хэлээгүй ажээ.
Алекс гарсан хэргээс болж том асуудал дэгдэнэ гэж бодсон боловч сурагчид энэ талаар хоорондоо бараг дурсаж ярилцсангүй. Аамир айсан гэхээсээ илүү бүр уурласан мэт харагдах болжээ.
Нэг өглөө өглөөний цайн дээр Аамир хоолны буфетны ард чөтгөр шиг сууж буй Сайрэн Мэйв рүү хяламхийж харснаа дуугаа намсган "Үнэнийг хэлэхэд тэр хүү илүү сайн мэдээлэлтэй байх ёстой байсан. Алтан зурвасыг давбал үхэлтэйгээ тулгарна гэдгийг шинээр ирсэн сурагчдад сайн ойлгуулах хэрэгтэй." гэж хэлжээ.
Натали өөр лүү нь сониучирхсан харцаар харахыг Алекс анзаараад шарсан талх руугаа хөмсгөө зангидан харлаа. Охин Алекс яагаад баригдаагүй, бас шийтгүүлээгүй юм бол гэж өөрөөсөө асууж байгаа гэдгийг тэр мэджээ.
"Дахиад нэг сурагч алга боллоо." гэж таваг руугаа гөлрөн харж суусан Аамир амандаа бувтнав.
Хоолны өрөөнд орж ирсэн Жари нойрмог нүдээ нухлан найз нараа олохоор хайж харагдана. Аамир Жариг харангуутаа суудлаасаа босож хамт сууж байсан найз нараасаа өршөөл эрээд тэндээс явлаа. Жари найз руугаа хөмсгөө зангидан ууртай харснаа цэвэрлээгүй суудал дээр нь ирж суув.


Aмьдрал нэгэн хэвийн үргэлжилж байлаа.
Аамир ихэвчлэн байхгүй, харин Жари байнга ууртай байх болсон тул Алекс, Натали хоёр хэдэн долоо хоногийн турш ихэнх цагийг хоёулхнаа өнгөрөөжээ. Натали хичээлийн үеэр Алекст тусалсан хэвээрээ, тэд бас дадлагын эхний шалгалтаа амжилттай өгцгөөв. Профессор Линцээс халуун алга ташилт хүлээж авсан Наталигийн пироманти (галын шид)-г харсан Эсмералда их л гомдсон байртай санаа алджээ. Тэрбээр Наталиг авьяас чадвараа эмэгтэй хүний арга барилаар хөгжүүлнэ гэж найдаж байсан бололтой.
Алекс өөрийнхөө ээлжинд шидтний сургуулийн хамгийн энгийн ид шидийг үзүүлэхээр шийджээ. Энэ хэдийгээр хэцүү байсан ч олон дахин уншиж судласны эцэст түүний тусламжтай Натали үүргээ амжилттай гүйцэтгэж чадлаа. Алекс ангийн урд гараад дохио өгөхөд Натали түүнийг гялалзсан гэрлэн бүрхүүлээр хучиж дээрээс нь орж буй борооноос хамгаалав. Үүнийг харсан Дөрхин дунд гэсэн үнэлгээ өглөө.
Алексыг гараа буулгахад тэр "Чи илт сайжирсан байна, Вэббер." гэж хэлэв. " Чамайг суудалдаа эргэж суух болсонд би баяртай байна."
Алекс Натали руу нүдээ ирмэхэд охин ширээн доор нуусан гараараа нэг хөдөлгөөн хийчихээд инээмсэглэв. Бороо ч зогслоо.
Алекс Аамирын шалгалтаа өгөхийг харлаа. Хуучин сурагч навч зомгол үсчүүлсээр ангийн шалыг зад татуулан бүхэл бүтэн мод гаргаж ирэв. Доргионд шалан дээр унасан Дөрхин шилээ засаад уртаар санаа алдлаа.
Нилээн удаан бодсоны эцэст Алекс, Натали хоёр шинэ жилийн орой Захирлын өрөөнд нууцаар орохоор төлөвлөжээ. Алекс Элайстай ярилцсанаа охинд хэлж, тэр хуурсан байж ч мэднэ хэмээн тайлбарласан боловч охин заавал хамт явна гэж зүтгэв. Захирал шинэ жилийн орой болгон мэндчилгээ дэвшүүлдэг гэж Натали сурагчдын амрах өрөөнд хамт байдаг нэг охиноосоо сонссон учраас тэр орой хамгийн тохоромжтой мөч байлаа. Тэднийг багш, захирал сурагчид бүгд анзаарахгүй гэсэн үг. Тэд бас Эрэлчинтэй тэмцэх хэрэгтэй боловч эхлээд тэр шилтгээний аль хэсэгт байдгийг мэдэх авах нь чухал гэж Алекс үзэж байв.
"Чи алтан зурвасыг давж чадах нь хамгийн чухал." гэж Наталиг хэлэхэд санаа зовж байгаа нь хоолойд нь илт мэдэгдэж байлаа.
"Тийм ээ," хэмээн Алекс нухацтай хэлсэн боловч энэ сэдвийг дахиж хөндөхийг хүссэнгүй. Хэдийгээр Алексын санаа зовж байсан ч тэдний дүрэм журам, ид шид яагаад өөрт нь бага нөлөөлдгийг мэдэхээр захирлын байдаг хориотой хэсэг рүү хурдан очихыг хүсжээ. Гэвч Натали ямар ч зорилгогүй дэмий зүйл хийхийг эрс эсэргүүцсэн учраас Алекс охинд тийм юм хийхгүй мэнээ дуртай дургүй ам өгсөн билээ.
Зул сарын баяр дөхөхөд профессор Эсмералдагийн бүх хаалганы дээд талд цагаан борзны мөчир, цэцгийн хэлхээ унжуулж өлгөсөн тул сурагчид тухайн цаг үеийнхээ нөлөөнд автжээ. Гадаа улам их цас лавсан орж буй нь цонхоор харагдах хэдий ч түүнд гар хүрэх боломжгүй ажээ.
Жари Аамирын анхаарлыг хичээлээс нь бага ч болов холдуулж баярын уур амьсгалд татаж оруулахыг хичээж, бяцxан өрөөгөө олон модоор гоёж чимэглэн, шоколадны сулхан амттай дулаан цас орууллаа. Гэтэл үүний хариуд Аамир энэ байдал анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байна хэмээн Алекс хэлээд хөнжилдөө шургачихав.
Жари хөмсгөө өргөснөө "Тэр миний Зул сарын баярыг сүйтгэж чадахгүй. Би баярлах л болно" гэж хэллээ.
Зул сарын баярын орой Алекс, Натали хоёр номын сан руу дахиж очсон боловч тэд анхаарлаа төвлөрүүлж чадсангүй. Тэд хоёулаа асар том цонхны шилийг бүрхсэн, гэрлийн нөлөөнд гадаа байгаа зүйлсийг сонин хэлбэртэй болгож ойлгох болор шиг мөсөн хучлагыг гөлрөн харж сууцгаав.
Тэртээ хол олон гэрэл анивчихыг Алекс хараад тэнд гэр нь байгаа болов уу хэмээн урьдын адил өөрөөсөө асуулаа. Тэрбээр энэ жил ээж нь анх удаа бүдэгхэн гэрэлтэй зочдынхоо өрөөнд гацуур модоо ганцаархнаа олон өнгийн гэрлээр чимэглэн засаж байгаагаар төсөөлөв.
"Ээж одоо юу хийж байгаа бол? Энэ бүхнийг тэр яаж хүлээж авсан бол? Ээж минь эрүүл байгаа болов уу? Тэр намайг арай үхсэн гэж бодож байгаа юм биш байгаа?
Нулимс нь цийлэгнэж, нүднийх нь өмнө бүх юм бүрэлзсэнд Алекс нүдээ хурдан цавчлан нулимсаа шингээв. Тэгтэл урдаа дэлгэсэн ном руугаа харж суусан охин санаа алдсанаа номоо хаагаад
"Би ерөөсөө төвлөрч чадахгүй байна." гэж бувтналаа.
"Би ч гэсэн,: хэмээн Алекс аяархан хариулахдаа сэтгэл хөдлөлөө дарахыг хичээв, "Зул сарын баяраар жаахан амаръя гэвэл чамд ямар санагдаж байна?"
Натали гар луугаа харснаа мөрөө хавчлаа. Охины хуруунуудын завсраар бяцxан галын дөл анивчиж харагдана. "Надад татгалзах юм алга. Яг одоо бид ямар нэг юм хийж чадна гэж би бодохгүй байна."
Алекс эхлээд охиныг, дараа нь цонхоор гадагшаа харснаа суудлаасаа бослоо. Ийм нөхцөл байдалд баяр тэмдэглэх нь зохимжгүй байж мэдэх ч энэ харин охинд зайлшгүй хэрэгтэй зүйл байв. Тэд ярилцахаа больж дуугаа хураагаад их удаж байгаа, бас Натали улам их гуниглах болсон билээ.
"Алив нааш ир. Хоёулаа жаахан хамт алхая. Тэгээд Жари, Аамир хоёрыг очиж авцгаая."

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.04.18 7:23 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Асуулт форумын гишүүддээ, орчуулж буй номыг минь уншиж байгаа та нартаа Шинэ оны мэнд хүргэе!


Attachments:
2000.jpg
2000.jpg [ 12.72 KiB | Viewed 354 times ]

_________________
Sakura
Top
   
PostPosted: Jan.04.18 9:13 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Шинэ оны мэнд. :cheerleader:


Top
   
PostPosted: Jan.04.18 11:39 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
shine onii mend

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Jan.05.18 3:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6316
Location: Энд
Шинэ оны мэнд хүргэе ээ :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.05.18 4:33 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Тэд Жариг өрөөндөө агаарт хөвөх шидэт хөөсөн бөмбөлөгнүүдээ ширтээд сууж байхад нь олов. Алекс, Натали хоёрыг өрөөнд орж ирэхэд хүү царайгаа барайлгалаа.
"Та хоёрт өрөө хэрэгтэй бол оо юу?"
Алекс жуумалзаж "Хөгжилтэй байна, Жари. Бид чамайг авах гэж ирлээ." гэж хэлсэнд
Жарид итгэл найдвар төрсөн бололтой царай нь гэрэлтэж, хөлөө орноос буулгалаа.
"Намайг авахаар ирсэн гэнэ ээ? Яах гэж?"
Алекс аль болох эелдгээр инээмсэглэхийг оролдов. "Жари, өнөөдөр зул сарын баярын орой шүү дээ. Хэдүүлээ бас Аамирыг аваад жирийн байдгаасаа арай өөр юм хийцгээе"
Жарид хоёр удаа хэлэх шаардлага байсангүй.
Аамир сургалтын өрөөнд, ханан пийшингийн дэргэд цуглан халуун какао ууж хөөсөн чихэр идэж суугаа сурагчдаас нилээн хол зайтай бүр өрөөний буланд ганцаараа сууж байлаа. Тэр өөр лүү нь ирж яваа гурвыг их л бухимдсан байртай харав.
"Юу болсон бэ? Бусдын хэрэгт хошуу дүрэх гээ юү?
"Үгүй, одоо Зул сарын баярын орой болж байна!" хэмээн Жари чанга хэлээд урагшаа алхлаа.
Аамир нүүрээ ярвайлгаснаа үл тоомсорлосон байртай инээд алдав. "Тэгээд л бол оо юу?"
"Тийм ээ," гэж Hатали хариу хэлээд "Алив бос, бид цасан дунд жаахан зугаална. Чи бидэнтэй хамт явах хэрэгтэй. Энэ чамд таалагдана." гэлээ.
Тэд дөрвүүлээ хамт хүйтэн салхи салхилж буй талбай руу гарцгаав. Хөл доор нь цас чахран дуугарч байлаа. Жари урагшаа ухасxийж лавсан орж байгаа цасан хөшгөн доор хоёр гараа дэлгэн эргэлдэхэд Аамир инээмсэглэж харагдав.
Богино ханцуйтай цамц өмссөн Наталид хүйтэн жавар огт нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэрбээр хамраараа амьсгалаа хүчтэй гаргаж агаарт хоёр салаа уур савсуулахад тэр яг л луу шиг харагдав. Үүнийг харсан Натали инээд алдаад Алекс руу харлаа.
"Чи үнэхээр даарахгүй байна уу?" гэж тэр асуугаад бээлийгээ өмсөхөд Натали дэргэд нь ирж зогсов. Өнөөдөр Алекс нэг биш, бүр хоёр хүрэм давхарлаж өмссөн боловч дотроосоо жиндсэн хэвээрээ байлаа.
"Үгүй. Шидтэн байх чинь магадгүй ашигтай юм шиг байна."
Тэд цаашлан явсаар том зүлгэн талбайн голд очлоо. Жари эргэж хараад
"Аамир!" хэмээн дуудав.
Орж буй цасыг ажиглан харж зогссон Аамир эргэж харлаа.
"Модoo гарга."
"Мод гэнэ ээ?"
"Миний юу хэлж байгааг чи ойлгосон!"
Аамир үл мэдэг инээмсэглэснээ Жариг талбайн голоос холдуулав. Тэрбээр гараа дэлгэн зогсоход духан дээр нь хөлс бурзайн гарч ирснээ алтлаг өнгийн гэрэл биеийг нь ороохыг Алекс сонирхон харж зогслоо.
Газар чичирхийлэн хөдөлж байснаа гэнэт хагарч ангид харснаас ч илүү том мод цухуйн гарч ирэв. Модны мөчирнүүд тал бүр тийшээ хөрсний шороо, шилмүүснүүд цацлан дэлгэгдэхэд урд нь нүд ирмэхийн зуур ногоон гацуур харагдлаа.
Жари хүрмэндээ наалдсан тоос шороог гөвөх зуур Аамир луу нүднийхээ булангаар муухай хараад "Чи үүнийг хог новш тарилгүй хийж болдоггүй юм уу?" гэж хэлэв.
Аамир түүнийг ууртай харснаа "Байгалийн зохицлыг алдагдуулахгүйгээр Анима шид хэрэглэх чинь маш хэцүү. Чи үүнийг өөрөө ч мэдэх байгаа," гэлээ.
Алекс, Натали хоёр том мод руу бахархан харж байгаа хоёр найздаа боломж өгөхөөр жаахан холдож зогсоход хөөрч догдолсон Жари дороо үсрэн цовхчиж харагдав.
Натали нэг ч үг хэлсэнгүй хоёр гараа дэлгэн хөмсгөө зангидлаа. Тэгтэл модны ёзоороос эхлэн улаан, ногоон, цэнхэр өнгийн олон жижигхэн гэрлүүд мөчир шилмүүсний завсраар дээшээ өгсөв.
Алекс үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж "Чи үүнийг хэзээ сурсан юм бэ?" гэж инээмсэглэн асуусанд Натали инээд алдлаа. "Би үүнийг зүгээр л хүссэн юм. Харин модоо шатаачихаагүй маань сайн юм боллоо. Би ялгаж салгаж... Энэ тайлбарлахад хэцүү. Би чиний үзүүлбэр дээр ашигласан шидийг өөрийнхтэйгөө хослуулсан юм."
Салхинд модны мөчир сэрчигнэн хөдөлнө. Натали модыг гэрлээр чимэглэж эхлэхэд Аамир. Жари хоёр түр холдон харж байснаа охиныг дуусахад тэд ажилдаа орлоо. Жари агаараас алтан од гаргаж дээшээ алгуурхан хөөргөж, модны оройд хатгаж байхад Аамир гараа хөдөлгөж ид шидээ ашиглан гаргаж ирсэн цэцгэн хэлхээгээ гэрлэн цацрагаар гэрэлтүүлж модны эргэн тойрны газрыг битүү хучив. Тун удалгүй газарт бяцxан нар гэрэлтэх шиг харагдаж байлаа.
Энэ бүхнийг харж зогссон Алекс "Энэ үнэхээр гайхалтай байна," гэж дуу алдав.
"Тийм байна," хэмээн Натали үгийг нь өлгөж хэлээд гялалзан гэрэлтэх модыг харж байснаа гэнэт хөөрч догдолсон сэтгэл нь дороо унтарлаа. "Энэ бас... амьд гэж харагдахгүй байна. Гоё зүйлс ашиглая гэвэл энд хаа сайгүй байдаг, шилтгээнд ч гэсэн бий. Энд гайхалтай зүйлс, бас ид шид байдаг, гэвч... эд бол юу ч биш. Эдгээр зүйлс сайхан харагддаг ч амьгүй, хоосон хөндий санагддаг." Тэрбээр харцаа гутлынхаа хоншоор дээр унагажээ.
Аамир гэрлэн цацрагаа унтрааж Натали руу дөхөж очоод охины өөдөөс харан хүчээр инээмсэглэв. "Энэ чиний гэрээсээ гадуур тэмдэглэж байгаа хамгийн анхны Зул сарын баяр биз дээ?"
Охины хацрыг даган нулимс урсаж, тэр чимээгүй толгой дохилоо.
Аамир охины мөрөн дээр зөөлөн алгадаад "Санаа бүү зов доо," гэж аяархан хэлэв. "Бүх юм сайхан болно. Ердөө хүлээх л хэрэгтэй."
Жари бас араасаа жижигхэн гэрлүүд чирсээр тэдний дэргэд ирж зогслоо. "Тэр тоглож хэлээгүй шүү. Бүгд сайн сайхан болно."
Aлекс гараа халаасандаа шургуулсан жижигхэн биетэй хүү дээр харцаа тусгалаа. Хүүгийн алтан шаргал үсийг цасан ширхэг хучиж, түүний хоёр хацар ягаарсан харагдана.
Санаандгүй байтал Жари гэнэт ам нээлээ. "Чи эцэг эх, ах дүүгээ санахаа зогсохгүй." Хүү гунигтай инээмсэглээд харцаа доош нь буулгав. "Манай аав үнэхээр тэнэг хүн байсан." хэмээн түүнийг яриагаа үргэлжлүүлэхэд Алекст тэр өөрийнхөө тухай илүү их юм ярьж магадгүй гэсэн сэтгэгдэл төрлөө. " Тэр манай ах бид хоёроор дандаа тоглоом шоглоом хийдэг байсан. Харин ээж маань зураач, тэр өнгө будагны сонголт, зурагныхаа төрлөөр бидний гайхлыг дандаа төрүүлдэг байлаа."
Жаригийн сэтгэлээ нээж, илэн далангүй ярьсан нь Аамирт ч гэсэн нөлөөлж, тэр бас дурсамжнаасаа хуваалцав. "Манай өвөө урьд нь зурдаг байсан. Эмээ маань өвөөг байнга хөхүүлж дэмждэг байсан ч тэр үнэндээ сайн зураач байгаагүй. Тэр өөрийгөө зовоож хүнд хэцүү зүйл сурах гэж оролдсоноос гоо сайхныг үнэлж сурсан нь дээр гэж хэлэх дуртай байсан."
"Миний ээж гал сөнөөгч," гэж Натали тэднийг цочтол хэлэв. Бүгд гайхаж охиныг ширтлээ. Алекс ч гэсэн мөн адил. Ээжээрээ бахархдаг нь нүүрэн дээр нь илт харагдах охин инээмсэглэв. "Түүний байдаг постод байдаг ганц эмэгтэй нь манай ээж. Ээж аавыг спорт сургалтан дээр дийлдэг гэсэн. Намайг жаахан байхад ээж маань мэргэжлээ надад өвлүүлнэ гэж ярьдаг байсан."
Гурван хос нүд Алекс руу зэрэг харлаа. Алекс хоолой нь зангираад ярьж чадахгүй байх гэж айж байсан ч Аамир, Жари хоёр ч гэсэн энэ зул сарын орой гэрийнхнийхээ тухай ярьсан болохоор тэр ч гэсэн чадна гэж найдаж байлаа.
. "Манай ээж бага, дунд сургуульд багшаар ажилладаг байсан. Үнэндээ тэр өвчтэй болохоор ихэвчлэн гэртээ байдаг, гэхдээ... би түүнийг эдгэнэ гэдэгт найддаг."
Нэг хэсэг бүгд дуугаа хурааж чимээгүй зогсож байтал Натали чанга найтаалгав. Хамраа арчиж зогсох охины хацар улайж, нүцгэн гарынх нь арьс бэржийсэн харагдана.
Охин даарч байгааг Алекс анзаарч "Юмаар хучих хэрэгтэй" гэж хэлээд нэг хүрмээ тайлж өглөө. "Магадгүй чи ханиад хүрчихсэн байх."
Натали хариу хэлсэнгүй. Мод руу харж зогсох охины нүдэнд модны гэрэл гялалзан ойж харагдана.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.05.18 4:37 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Thank you!!!! :hi:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.06.18 12:52 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
* * *

Зул сарын баяраар хангалттай зугаацсан гэж үзсэн Аамир дахиад сургалтын танхимын буланд шигдчихэв. Харин Натали хаана ч харагдаагүй учир Алексын санаа зовж эхэллээ. Наталиг нэг хэсэг хайсны магадгүй тэр ганцааараа баймаар байгаа биз гэж бодоод Алекс охиныг тайван орхихоор шийджээ. Эцэст нь Алекс, Жари хоёр номын санд шатар тоглов.
Зул сарын баяр болж байгаа гэхэд баярын зоог эсвэл бэлэг сэлт ч байхгүй, нэг л хачин байлаа. Энэ өдөр зөвхөн хичээл орсонгүй, гэвч үүний үр дүнд шилтгээн бүтэн өдөржин хөндий хоосон болсон юм шиг сэтгэгдэл төрүүлнэ, Алекс хааяа ганц нэг сурагч хонгилоор хий дэмий холхихыг харжээ. Өнөөдөр олон жилийн өмнө үхсэн Ид шид эвдэгч нарын хэрэглэдэг байсан анти-ид шидийн тухай судлана гэж бодож байсан ч Алекст ямар ч хүсэл төрсөнгүй.
Тэрбээр хоосон шилтгээн дотуур аар сар зүйл харж хэсүүчлэн өдрийг өнгөрөөв. Өнөөдөр онцгой өдөр гэж мэдэгдэхээр юу ч болсонгүй, сурагчид бүгд байр луугаа явцгаажээ.



Бүлэг 24

"Шевалиа?"
Профессор ангийн арын хэсэгт байсан Наталигийн хоосон суудал руу харлаа. "Натали Шевалиа," гэж тэр охиныг хий хоосноос гаргаж ирэх гэсэн мэт чанга дуугаар давтаж дуудав. Охин хичээлдээ ирээгүйд хэн ч гайхсангүй. Профессор Дөрхин гүнзгий санаа алдлаа.
Тэгтэл нэг охин "Тэр өвдчихсөн," гэж хэлсэнд
"Өвдсөн гэнэ ээ? Юу нь өвдсөн юм бэ?" гэж Дөрхин асуув.
Наталитай нэг өрөөнд байдаг, Алексын санаж байгаагаар Эллабелл хэмээх тэр охин мөрөө хавчлаа.
Профессор Дөрхиний царай нэг л хачин хөгжүүн төрхтэй өөрчлөгдөж, тэрбээр инээд алдсанаа "Хичээлд минь суух хүн нэгээр цөөрчээ. Би хичээлээ зүгээр үргэлжлүүлнэ... Тэр өөрийгөө эдгэсэн гэж үзвэл хичээлд сууж болох юм." гэж хэлэв.
Алексын ходоод гэдэс нь хөрвөчих шиг болов. Наталигүйгээр түүний ид шид сууж байгаа сандалтай нь адилхан гэсэн үг. Хэдийгээр тэр бусдад сэтгэгдэл төрүүлдэг сурагч биш ч гэлээ одоо болтол Наталигийн тусламжтай алдаа гарахаас сэргийлж чадсан. Одоо тэгэхээр юу болно гэсэн үг вэ? Хичээлд минь суух хүн нэгээр цөөрчээ. Сайн сурагчдынх нь нэг өвдсөнд Дөрхин баярлаад байх шиг. Тэр ширээнийхээ тавцанг хуруугаараа бөмбөрдөж сууснаа хөмсгөө зангидлаа.
"Вэббер, чи нэг л тайван бус харагдаад байна."
Алекс толгойгоо өргөж, профессор Дөрхин дэргэд нь бараг нэг тохой зайтай зогсохыг хараад мэл гайхав. Түүнийг өөдөөс нь инээмсэглэхэд Алекс мөн адил инээх аядлаа.
"Залуу хатагтайн төлөө санаа чинь зовоо юу?"
Сурагчид инээлдсэн боловч Алекс тэдэнд өршөөлтэй хандав.
"Тийм ээ, ноёнтон," гэж тэр амандаа шивнэх шахам бувтнаснаа "Би түүн рүү очиж ямар байгааг нь харж болох уу?" гэлээ.
Харваас нүд нь илт сэргэсэн Дөрхин гараа цээжин дээрээ тавилаа. "Өө, залуу насны хайр дурлал." Сурагчид дахиад хөхрөлдөхөд Алексын хацар халуу оргив. "Би чамайг хориод нэмэргүй юм шиг байна. Явж үз дээ"
Алекс суудлаасаа босох үедээ анхны өдөр Жаригийн анхааруулан хэлж байсныг гэнэт санаад
"Би охидын амралтын өрөөнд орж болох юм уу?" гэж эргэлзсэн байртай асуулаа.
Дөрхин сандал дээрээ байж ядан хавчигнаж харагдах Эллабелл рүү харав. Тэр багшийн харцнаас нуугдахыг оролдсон боловч энэ тус болсонгүй.
"Магри, Вэбберийг охидын амралтын өрөөнд хүргэж өг. Хэрэгтэй гэж үзвэл чи ч гэсэн тэнд дурлалцсан бяцxан шувуухайнуудад туслахаар үлдэж болно."
Эллабелл уурлаж бухимдаж буйгаа мэдэгдэлгүй сайн далдалж, инээмсэглэсэн төрх харуулж
"Тэгье ээ, ноёнтон." гэж хэлэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jan.08.18 1:17 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 645
Location: Holland
Алекс Эллабеллтэй хамт охидын өрөө рүү явж байхдаа охин ийм амархан зөвшөөрмөөгүй юм даа хэмээн дотроо бодож явлаа.
Бор хүрэн өнгийн буржгар үсээ нүдний шилнийхээ урдуур унжуулсан охин жижигхэн шавилхан биетэй нэгэн ажээ. Тэр их л эрч хүчтэй хөлөө чанга дэвслэн шаргуу алхана.
"Намайг өрөөндөө оруулах гэж байгаад их баярлалаа." гэж Алекс хэлэхдээ дотроо тэр бидэнтэй арай хамт үлдэнэ гэхгүй байлгүй дээ хэмээн найдаж байлаа.
Эллабелл хүү рүү хальт харснаа "Миний хаана унтдагийг Петрад битгий хэлээрэй. Хамгийн сүүлд тэр сэтгэлээ илчлэх нэрээр элдвийн маяг гаргаад удаагүй байгаа.
Аамир нэг удаа өглөөний цайн дээр Эллабеллийн сэтгэлийг татах зорилготой хийсэн Жаригийн оролдлогуудын талаар ярьсныг санаад Алекс инээд алдлаа. Жари сарны дүрсэн дээр дурлалын захиа бичиж, хоолны танхимд олон тооны хийл хөгжмөөр ая тоглуулан, хичээлийн танхимд охинд шидэт цэцгийн баглаа гаргаж өгөх гэтэл толгой дээр нь дэлбэрч охин навч цэцгэнд дарагдаж бараг үхэх шахжээ. Аамирын хэлснээр Эллабелл Жариг өөрт нь ойртохыг хатуу чанд хориглож, эцэст нь үл үзэгдэх шид ашиглахын тулд анти- ид шидтэй холбоотой мэдээлэл цуглуулдаг болжээ.
"Би энэ талаар хэнд ч хэлэхгүй," гэж Алекс ам өгсөнд охин уруулаа мушийлгав.
Тэр хоёр нилээд хэдэн булан тойрч, охид амардаг өрөөнүүдийн жижигхэн зэс дугаар өлгөсөн олон хаалгыг өнгөрч явлаа. Эллабелл хүүтэй ярилцах эсэхдээ эргэлзэж буй бололтой духаа атируулан бодол болж явснаа эцэст нь амаа нээв.
"Наталигийн юу нь өвдсөн юм бол? Үгүй ээ, яг үнэндээ тэр яачихсан юм бол гэж би хэлэх гэсэн юм аа."
Алекс нүдээ цавчлан "Чи чинь юугаа яриад байгаа юм бэ?" гэж асуулаа.
Алекс нүдээ цавчлан "Чи чинь юугаа яриад байна аа?" гэж асуулаа.
Эллабелл зовхио доош нь буулгаад "Түүнд ямар нэг юм болсон гэдгийг л би хэлж чадна. Гэвч тэр бүх юм зүгээр гэж зүтгээд байгаа. Эхлээд би тийм юм болов уу гэж бодоод тоогоогүй, гэтэл одоо... түүний төлөө миний санаа их зовж байна."
Тэр хоёр жаазнаасаа ширүүн харцаар харах хэдэн багш нарын хөргийн хажуугаар өнгөрөв.
"Түүнд миний ч гэсэн санаа зовж байна," гэж Алекс хэлэхдээ охиныг хүндээр өвчлөөгүй биз хэмээн дотроо сэмхэн найдаж байлаа. "Тэр зүв зүгээр байгаа гэж би бодохгүй байна. Гэхдээ бид энд байвал яах ч үгүй биз дээ?"
Эллабелл уруулаа хазлаад "Би тэгж бодохгүй байна." гэж уурласан шинжтэй хэлэв.
Нэг их удалгүй тэд хорин найм гэсэн зэс дугаар бүхий хаалганы дэргэд ирж, Эллабелл хаалга цохихын өмнө Алекс руу харлаа.
"Натали," хэмээн тэр дуудсанаа "Чам дээр зочин ирлээ. Оруулж болох уу?" гэж асуув.
"Ганц хором хүлээгээрэй," гэж Натали өрөөн дотроос сөөнгө хоолойгоор хэлэхийг Алекс сонслоо.
Эллабелл Алекст дахин саад болохыг хүсээгүй ч хаалгаа түшиж зогсоод аяархан санаа алдсанаа
"Хөвгүүдийг өрөөндөө үлдээж болох эсэхийг би сайн мэдэхгүй байна." гэж хэлэв.
Алекс нүдээ эргэлдүүлж "Би томоотой байна гэдгээ чамд амалж байна." гэж хариусанд Эллабелл хүүг нилээн ноцтой хараад "Чамд найдлаа шүү" гэлээ.
"Би бэлэн, одоо орж болно" хэмээн хэлэх Наталигийн дуу дахин сонсогдов. Охин сөөнгө хоолойгоор ярихаас гадна хамар гуншихыг сонсоод Алекс давхийн цочлоо.
"Тэгвэл би анги руугаа буцлаа. Дүрсгүйтэж болохгүй шүү. Бас миний юманд битгий хүрээрэй!"
Эллабелл буржгар улаан хүрэн үсээ намируулан хөл дээрээ эргэлдсэнээ тэр дороо алга болчихов. Алекс охины дөнгөж сая зогсож байсан газар луу гайхан харж зогссоноо толгойгоо сэгсрээд Наталигийн өрөөнд орохоор хаалганы бариулаас татлаа.
Өрөөнд Жаригийн эцэс төгсгөлгүй хүсэл эрмэлзлэлийн үр дүн болох тоо томшгүй олон гоёл чимэглэлүүд харагдаагүй л болохоос Алексын амьдардаг өрөөтэй бараг адилхан ажээ. Ширээний арын хананд хэдхэн тооны цэцгийн хэлхээ, цаасаар хайчилж хийсэн цасан ширхэгүүд өлгөжээ. Сайн анзаарвал тавилгануудын өнгө арай өөр харагдах бөгөөд өрөөнөөс амьтных болов уу гэмээр нэг хачин үнэр ханхална.
Алексыг өрөөнд орж ирэхэд Натали орныхоо даавууг хамартаа тултал татаж, зөвхөн нүдээ ил гарган, хоёр гараа хөнжил дээрээ зөрүүлж тавиад хэвтэж байлаа. Тэр өндөр халуурснаас нүүр нь час улайсан Наталигийн гар нь салганан чичирч, арьс нь зэвхий даасныг хальт хараад л шууд анзаарав.
Алекс охины орны дэргэд нэг сандал ойртуулж тавин дээр нь суугаад "Натали, чиний бие үнэхээр тааруу харагдаж байна," гэж хэлсэнд
"Мэдэж байна," хэмээн охин гунигтай хариуллаа.
Тэрбээр хөнжлөө доош нь буулгасанд охины уруул хатаж хагарсныг Алекс олж харав. Охин санаа алдлаа.
"Би хичээлдээ явж чадсангүй. Элла миний явахыг зөвшөөрөөгүй."
"Яагаад тэгснийг нь би ойлгож байна. Чи үнэхээр өвдчихжээ." Охиныг санаа тавьсан харцаар харж суухдаа Алекс шидтэнгүүд өвдөх нь бараг ховор гэж Жари хэлж байсныг саналаа.
Натали орон дээрээ цэх суухыг оролдох үедээ нүүрээ өөрийн эрхгүй ярвайлгаснаа "Би зүгээр," гэж хэлээд гараа духан дээрээ тавив.
"Чи зүгээр харагдахгүй байна" гэж Алекс бухиндсанаа нуулгүй хэлэхэд Натали ярианы сэдвийг өөрчилж
"Чамд гичээл дээр муу юм болоогүй биз дээ?" хэмээн асуулаа.
Алекс толгой сэгсрээд "Дөрхин намайг чам руу явахыг зөвшөөрсөн." гэсэнд Натали
"Ашгүй дээ," гэж сулхан дуугаар хариулав.
Түүнд ямар зовиур байгааг, бас юу нь өвдсөнийг мэдэхээр Алекс охиныг нэг хэсэг ажиглаж суулаа.
"Одоо чи юу мэдэрч байна?"
"Урьд өмнө нь мэдэрч байгаагүй бүх өвчнийг зэрэг тусчихсан юм шиг аймшигтай байна."
Алекс хаалга руу хальт хараад уруулаа шилэмдэж норголоо. "Чи хурдан эдгэх болов уу?"
Наталигийн завьж татвалзалж харагдана. "Чи надаас шинэ жилийн орой ном авахаар чамтай явж чадах уу гэж асуух гэж байгаа бол би заавал хамт явах болно." гэж тэр бувтналаа.
Төлөвлөгөө ёсоор захирлын өрөөнд нэвтэрч ороход ердөө хоёрхон хоног үлджээ. Гэтэл Натали амьд хүн гэхээс илүү бараг үхэхэд ойртсон хүн гэмээр харагдаж байв. Охин толгойгоо сэгсэрснээ харцаа буруулж хана руу харахыг Алекс анзаарлаа.
"Би эдгэрнэ," гэж охин итгэл дүүрэн хэлсэнд Алекс тэвчээр заан шүд зууж
"Дэмий юм ярихаа боль. Энэ бол шидтэний сургууль. Тэгэхээр энд сувилагч юм уу эсвэл эмнэлгийн пост байж л таарна! Өвчтэй хүнийг эмчлэх амархан байлгүй дээ, тийм ээ?" гэж хэлэв.
Натали ханиалгаж дууссаны эцэст "Энэ тийм ч аятай санагдахгүй байна гэж үү? Энд сувилагч байдаггүй гэж Элла хэлж байсан. Ид шидийн хүч нь шидтэнийг дархлаатай болгодог гэсэн." гэсэнд Алекс түр зуур дуугүй суулаа.
"Тэгвэл чи яагаад өвдчихсөн юм бол?"
Натали нулимс цийлэгнэсэн нүдээр хүүг ууртай харснаа орны дэргэд тавьсан дотроос нь хүчиллэг юмны үнэр ханхлах төмөр хувин руу гараа сунгав. Алекс ухасxийн босож хувинг авбал үнэхээр дотор нь дүүрэн бөөлжис байлаа.
Охин амьсгалаа гүнзгий авахад түүний эргэн тойронд шидэт энерги хуйлран гарч ирэхийг Алекс харав. Гэхдээ энэ ... яагаад ч юм нэг л хачин харагдана. Жирийн үед алт шиг өнгөтэй байдаг энерги одоо зэсэн өнгөтэй харагдах бөгөөд бас өвчтөний бүдүүрсэн судас шиг лугшиж байв. Энерги охиныг тойрч эргэлдэхэд жижиг нарийхан судалнууд уурлаж хилэгнэсэн мэт дүрэлзэн асах гал шиг час улаан өнгөтэй болсноо тэр дороо унтарлаа. Натали хувин дээрээ тонгойж цөс шиг ногоон зүйлээр огиулав. Алекс охины дэргэд суугаад цээжийг нь түшиж нурууг нь илж дарж өглөө.
Дараа нь тэр хувинг холдуулж тавиад "Одоо дээрдэж байна уу? гэж асуув.
Царай нь баргар болсон Натали арагшаа дэрэн дээрээ унаж "Үгүй, хоёулаа юу хийвэл дээр юм бол?" гэж хэлээд Алекс руу харав.
Алекс найзыгаа хэсэг харж сууснаа "Бидэнд өөр сонголт алга гэж би бодож байна." гэж хэлсэнд Наталигийн нүдний зовхи чичирхийллээ.
"Алекс, бид зүгээр буугаад өгчихөж болохгүй. Бид..."
"Би ганцаараа явна аа."
Өрөөнд хэсэг чимээгүй болж, эцэст нь Алексыг харж хэвтсэн Натали ам нээлээ.
"Гэхдээ..." хэмээн түүнийг эхэлтэл Алекс гараа зангаж үгийг нь таслаад
"Чи өвчтэй байгаа. Чи хөл дээрээ ч зогсож чадахгүй байна. Тэгээд ч чи хурдан эдгэхгүй. Би ганцаараа явна." гэж хэлэв.
Бие нь өвдөж шаналан их муу байгаа ч Натали шүд зуун толгой дохиод санаа алдлаа.
Алекс охинд цэвэр ус уулгаж, духан дээр нь хүйтэн жин тавьсны дараа өрөөнөөс гарав. Тэр шилтгээн дотор хаа ч явсан Наталиг анх олох үед мэдэрсэн чөмөг царцам хүйтнийг дахин мэдэрч байлаа.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited