#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 9:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Sep.21.17 9:38 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Офицерууд гадаа гарав уу үгүй юу, Владимир асуусан нь:

- Антон, чи юу болоод дарга нар руу асаад байгаа юм вэ?

- Тийм ээ тэднийг өөрсдийг нь явуулбал таарна! Мушгиа боов марк сүлжчихээд, дараа нь өөрсдөө учрыг нь олж чаддаггүй улс. Чечень даяар тоглоом адил цуваадыг хөөн гаргаж байна. Одоо л гэхэд энэ аян! Түүнтэй холбоотой асуулт миний хувьд олон, дэндүү олон байна.

- Тайвшир! Үүрэг тавигдсан, бид түүнийг биелүүлэх үүрэгтэй. Дэмий юм ярьж яах юм вэ? Шөнө дунд хүртэл юу хийхээ бодох уу?

- Унтах! Эхлээд хуурамч цувааг үдэж өгөөд, хоёр өрөг нүүгээд унтъя гэж бодож байна... Өдөр унтав л гэж. Талбай руу явж харцгаая. Казбек чи бидэнтэй явах уу?

- Би арай хожуухан очъё, миний гутлын өсгий салчхаад юу ч юм шал пал гээд байгаа юм, десантчид надад, ангийн дэргэд нутгийн гуталчин ажиллаж байгаа гэж хэлсэн. Түүн дээр очиж засуулчхаад дараа нь очъё.

- Явцгаая!

Антон Бережнойтой хамт, хөдөлгүүр хүнгэнэн цуваанд жагсаж буй талбайн зүг явж, Казбек ШНБ-ны дэргэдүүр өнгөрөөд, гутал засвар ажиллаж байгааг илэрхийлэх хаяг бүхий жижигхэн байшинг харав. Ахлагч хаалгыг онгойлгож, бүдэгхэн гэрэлтэй өрөөнд оров. Энгийн хэдэн багажны дэргэд эсгий дээр завилан, хав халзан толгой, урт буурал сахалтай хижээл насны чечень эр суух амой. Түүний өмнө данх, аяга тавиатай байх ажээ.

- Сайн байна уу, өвгөн гуай!

- Ассолом аллейкюм! хэмээн лалын шашинтны мэндчилгээгээр чечень эр хариу мэндлээд, Чи Казбек мөн үү?

- Мөөн..

- Суугтун, амарч цай уугтун, хэмээн өвгөн зочноо урилаа.

Дудашев татгалзаж:

- Баярлалаа, цаг алга.

- Юундаа яарна вэ? Яагаад бид бүгд яарч байдаг юм вэ? Он жил ч урсан өнгөрч байна. Нэг л мэдэхэд хөгширч өтөлсөн байх юм даа. Амьдрах гэж юунд нь яардаг байнаа? Казбек, чи надад хэлэх юм байна уу?

- Цуваа гарах гэж байна.

- Мэдэж байна.

- Түүнд ачаа байхгүй. Ангид ч бас байхгүй!

Өвгөн юу бодож байгаа нь үл мэдэгдэн дуугүй суух ажээ.

- Ачаа энд үлдэнэ, хэмээн Казбек үргэлжлүүлэн өгүүлэв.

- Удах уу?

- Өглөө болтол.

- Дараа нь?

- Ахлах ахлагч ийнхүү асуув:

- Үйлт замыг мэдэх үү?

- Мэднэ. Өмнө нь өөрөөр нэрлэдэг байсан юм.

- Түүгээр долоон цагт ачаа ачсан цуваа явна. Таван ачааны машин, засварын болон БРДМ-ын багийн бүрэлдэхүүнтэй цуваа. Эхний гурван “КамАЗ”-анд ачаа ачигдана.

Гуталчин гайхаж:

- Нэлээд хэдэн машин ачаа баймаар юм, үлдсэнийг нь хэн хэзээ ачих юм бол оо?

- Би ердийн нэгэн ахлагч, цоожлогч машины ахлаач, техникч хүн, мэдсэнээ л ярьж байна.

- Уулан дахь ажиглалтын цэг рүү десантчидыг илгээсэн үү?

- Мэдэхгүй, хэмээн ахлагч худлаа хэлэв.

- Цуваанд хэдэн цэрэг явах вэ?

- Үүнийг би бас мэдэхгүй, хэмээн Казбек дахин худал хэллээ.

- Хагархай цохионы орчмоос зам хоёр тийш салдаг. Цуваа чухам алинаар нь явах вэ? Артум-Калегаар дайрч хил рүү юу, үгүй бол баруугаар явах уу?

- Энүүнийг би бас мэдэхгүй. Чиглэлийг надад танилцуулаагүй. Би Гректэй, өөртөө нь яримаар байна!

- Энэ утсыг ав. Одоохондоо наадах чинь ажиллахгүй. Халаасандаа хийчих, сулхан гүйдэл цохих шиг болно, тэгвэл холбоо залгагдаж байна гэсэн үг. Нэг дугаарын товчлуур дээр дараад ярьж болно, чамд хариу өгөх болно.

Казбек сансрын холбооны жижгэвтэр овортой утсыг авч, асуусан нь:

- Үүгээр ярих яриаг сонсдог болов уу?

- Бүү санаа зов, үгүй гэж надад хэлсэн.

Дудашев гуталчин руу харж заналхийлсэн өнгөөр ийнхүү өгүүлэв:

- Тэгвэл, эрхэм минь энүүнийг одоохон ажиллуулахыг бодогтун, намайг Гректэй түргэхэн яриулах талаар ямар нэгэн юм хийхийг хичээ. Ингэхгүй бол өвгөн минь цуваа хаашаа ч явахгүй, ойлгов уу?

- Би үүнийг хийж чадахгүй.

- Тэгвэл ажиллагаа бүтэлгүй болсон талаар Грек чамаас асууна гэж бодож байх шив. Үгүй шүү! Чамд тэр гар хүрч чадахгүй, хормын дараа ХАБА-ны офицер чамтай ажиллах болно.

Казбек үүдний тийш алхтал чечень эр түүнийг зогсоож:

- Хүүе, чи хүлээж бай, шайтан чамайг аваасай! Яагаад уурлаад байгаа юм вэ? Одоохон чамд Грекийг олж өгөхийг оролдъё.

Тэр дугаар дугаар луу залгаж, хэн нэгэн Докуг асуух ажээ. Түүнд харваас татгалзаж буй бололтой, ундууцах агаад хөлс нь чийхарах амой. Эцэст нь сэтгэл амарсан бололтой амьсгаа авав.

- Доку юу? Гуталчин байна! Үгүй! Юу ч тохиолдоогүй! Бүх юм хэвийн! Энэ Казбек л Гректэй ярих хэрэгтэй гээд байна. Чи эзнийг дуудаж өгч чадахгүй биз? Аа, за үгүй дээ, тэгж хэлээгүй, Гректэй харьцаанд оръё гэж Казбек гуйгаад байна! ... Эзэн үү? Тантай Казбек яръя гэж гуйгаад байна!

Өвгөн тэр даруй түүний гарыг харилцах төхөөрөмж түлж буй мэт ахлагчид яаран утсаа өглөө.

- Казбек уу? хэмээх Грекийн дуу цуурайтав. - Чи хийх ёстой зүйлээ хийв үү?

- Чи өөртөө бялдуучлагчаасаа асуу!

Грек дуугаа өндөрсгөж:

- Би чамаас асууж байна, чи хариулаач!

- Тайвшир, бүгдийг хийсэн, гуталчин батлах болно!

- За ингэвэл ч ондоо хэрэг шүү! Чи тэгээд одоо юу хүсээд байгаа юм вэ?

- Одоо би чамайг манай ангиас хир хол байна гэдгийг мэдмээр байна? Чиглэлийг би сонирхоогүй.

Дээрэмчдийн толгойлогч инээд алдаж:

- Чи наанаа санаандгүй угаартчихсан юм биш биз?

- Үгүй дээ, Грек, одоо чи намайг асууж байхад хариулах болно!

Түр зуур дуугүй болох нь дээрэмчдийн толгойлогч уур хилэнгээ дарж, түүнтэй ахлагч яагаад ингэж шазруун ярьж буй шалтгааныг олох гэсэн бололтой. Дараа нь тэр ийнхүү асуув:

- Энэ бүхэн чамд ямар хэрэгтэй юм вэ?

- Чи, өөрийнхөө ажиллагааг амжилттай хийхийг хүсэж байгаа биз дээ?

Грек асуув:

- Казбек, чи ямар тоглоом сэдээд, асуулт асуугаад байна вэ?

- Асуултанд асуултаар хариулах хэрэггүй, ингэж тохироогүй гэдгээ чи мартсан гэж үү? Тэгэхээр чи ангиас хир хол байна вэ?

- Машинаар явахад хагас өдрийн зайд байна.

- Тэгвэл Дарьяг замд гаргахад бэлд, түүнийг танай хүмүүс цэргийн хүрээний гадаах ШНБ-д, надтай “шүтлэг нэгт” ахан дүүс минь уулзсан тэр газар хүргэж өг. Хамгийн цаад талын хугацаа өглөө дөрвөн цагт хүргэж өгсөн байна шүү. Тэндээс тэрбээр надтай холбоо барих ёстой шүү, гэхдээ энэ бүхэн ингээд дуусахгүй, түүний дуу хоолойн зэрэгцээ би ШНБ-ны жижүүрийн дууг сонсох ёстой. Дарьяг цэргийн хүрээнд очсонд итгэсэн тэр цагт л би зөвхөн, та нарын намайг хийхийг албадсан тэр бүхнийг үргэлжлүүлэн хийх болой.

Грек ийнхүү асуув:

- Надад болзол тулгаж болно гэж чи бодож байна уу?

Дудашев баталж:

- Тийм! Хэрэв дөрвөн цагт мэдээлэхгүй бол, би аюулын тухай удирдлагадаа мэдэгдэх болой. Цуваа хаашаа ч явахгүй. Ачааг чи харахгүй шүү. Энэ бол миний болзол!

- Гэхдээ чи хуурч болно шүү дээ, Казбек аа? Бид чиний хүүхнийг эргүүлж өгсөн чинь чи биднийг илчилчих юм биш биз? Үүнийг хийхэд чинь хэн ч чамд саад болохгүй. Бидний болзол эрх тэгш биш байгаа юм шиг чамд санагдахгүй байна уу?

- Өөр шигээ бодоо юу? Тийм ээ, би чамд итгэхгүй, чи надад итгэхгүй болохоор хэзээ ч нэг шийдэлд хүрэхгүй. Миний болзлыг хүлээн авахаас өөр арга зам чамд байхгүй. Хэрэв чи татгалзах л юм бол одоо би шууд гуталчныг тусгай төлөөлөгч дээр чирч очоод, чиний зүгээс элсүүлэн авах оролдлого хийсэн талаар илтгэх болно.

Дээрэмчдийн толгойлогч хариуд нь ийнхүү ам гарав:

- Харин би өөрийнхөө ээлжинд чиний шалиг эмийг хэдэн хэсэг тасар татах болно.

- Тийм л тавилантай байж дээ, юу гэхэв, гэхдээ Грек болгоомжтой л байгаарай даа. Би эрт орой нэгэн цагт чамайг олох л болно. Тэр үед...

- Боль доо, Казбек! Би чиний болзлыг хүлээн авлаа. Гэхдээ чи хэрэв ямар нэгэн юм болбол... аймшигтай залхаан цээрлүүлэх болно гэдгийг тогтоож ав!

"-Тогтоолоо! Дөрвөн цагт намайг дуудна биз, хүлээж байя, боломж гармагц би хариулна.

Ахлагч утсаа өвгөнд дамжуулав. Тэрбээр суусан хэвээр дүнсгэрдүүхэн гараа сарвайв.

- Утсаа ав. Чи холбоо байхгүй гээд байлуу! Грекийг хуурах гэвэл чи үхэх болно гэдгийг санаж яв, хөгшин цөөвөр минь!

Казбек хөгшин гуталчны бяцхан пингээс гарч явлаа. Түүний хувьд хэдийгээр энэ бүхнийг өөрийнхөө сайн дураар хийж байгаа бус ч гэсэн өөрийгөө илжигний арьс нөмөрсөн гутамшигтай амьтан болохоо мэдрэв. Одоо нэгэнт муу нэрийг хусавч арилахгүй гэгч болсон болой. Тайвшрах ганц л зүйл байгаа нь тэр өөрийнхөө зовлогыг аврахыг оролдолгүй, тулаанд орж хамт амь үрэгдэнэ гэсэн бодол болой. Магадгүй, гарах гарц ч олдох ч юм бил үү? Хэн мэдэх билээ? Дайн тулаанд юу ч болж болно!

Казбектэй яриагаа төгсгөөд Грек утасны харилцуураа өөрийнхөө туслах руу ундууцан шидээд, түүнийг гар хэмээн зангав. Тэр бодлогоширсоор үлдэв.

Хараал идсэн ахлагч түр ч гэсэн санаачилгыг авах арга олсон байна шүү. Түүний хүүхнийг ангид нь хүргэж өгөх үү! Түүнийг сургаад өгмөөр байсан ч, энэхүү чөтгөрийн Казбек ажиллагааг тасалдуулна гэсэн заналхийллээ биелүүлэх бүрэн боломжтой амой. Грекийн хувьд түүний болзлыг дагаж, өмнө нь хэзээ ч хүлээн зөвшөөрч өчүүхэн ч өөрчилж байгаагүй зүйл болох өөрийнхөө төлөвлөгөөг өөрчлөхөөс өөр арга алга. Энэхүү нөхцөл байдал нь түүнийг өөр хувилбар эрэхэд хүргэв. Хүүхнийг хүргэсэн болж дуураймал тоглолт хийх үү? Түүнд, жижүүрийн оронд утсаар хариу хэлэх орос цэрэг нүхэнд хангалттай олон бий. Гэвч Казбек тэр ангид удаан алба хааж байгаа болохоор өөрсдийнхөө дууг таних нь лав. Тэгээд ч зуухны яндан ямар өнгөтэй байна гэх маягаар хяналтын асуулт асуудаг, харин бүсгүй нь огт байдаггүй. Буулт хийхээс өөр арга алга. Ганц энэ хүүхнээс болж бүх зүйл бүтэлгүйтэх нь. Ийм эмсийг хэдэн арваар нь тэр барьж чадах билээ. Хэрэв тэр ахлагчтай тохирч чадаагүйн улмаас ачааг алдах юм бол юун зэвсэг, түүнээс ч илүү их зүйл алдах болой. Тэрбээр нэр төрөө алдахаас гадна үр дүнд нь эсэргүүцлийн хөдөлгөөний удирдлагын дундах жин нөлөөгөө ч алдах агаад эцсийн эцэст сүйрэн унах тавилан тохионо гэсэн үг. Түүнд дайсан мундахгүй болой. Чөтгөр аваг! Хүүхнийг цэргийн ангид хүргэж өгөхөөс!

- Алим! хэмээн тэр хашхирч, туслахаа дуудлаа. Цаадах нь орж ирээд босгоны дэргэд дуугүй зогсох ажээ.

- Над руу Элдарыг дууд! хэмээн Грек тушаав.

- Мэдлээ, эзэнтэн!

Хээрийн захирагчийн эхнэрүүдийн нэгэн болох хүүхэн сайхан үнэр ханхлуулсан цай оруулж ирэв. Мөн ханка гэж нэрлэдэг шөл ч байв.

Удалгүй Эльдар ч орж ирлээ.

- Даргаа таны дуудсанаар ирлээ!

- Казбекийн хүүхэн Дарьяг ангид нь буцааж хүргэ. Хүүхэн чамайг илчлэхгүйгээр бэхлэлтэд цэгийг хэрхэн өнгөрөхөө бодож ол. Өглөө дөрвөн цагт, Эльдар санаж ав, сүүлчийн хугацаа шүү, өглөө дөрвөн цагт та нар тэнд ШНБ-нд очсон байх ёстой шүү. Утас авч яв, эргүүлж авчирна биз. Түүн рүү 032 гэсэн дугаараар залгаарай. Казбек хариулах болно. Түүний өлөгчинд утсаа өгөхийн өмнө байшинд ороод юу ярихыг нь зааварлана шүү, дараа нь Казбекийг жижүүрийн офицертой ч юм уу ахлагчтай яриул. Салаалсан чагнуураар, гээд Грек чихэвчийн утас руу зааж, тэдний яриаг сонсоорой. Хэрэв Казбек цувааны талаар хальтхан төдий цухуйлгах л юм бол холбоог таслаарай. Хэрхэн салгахыг мэднэ гэж найдъя!

- Тийм ээ, эзэн минь!

- Бүгдийг нь ойлгосон уу?

- Бүгдийг нь!

- За, хүүхнийг дөрвөн цагт ангид хүргэж, Казбектэй тэндээс холбоо барих ажлыг биелүүлэхгүй бол толгойг чинь авна шүү. Үүнийг санаж ав! Яв.

Эльдар, даргынхаа гэнэтийн агаад хачирхалтай даалгаврыг биелүүлэхээр гарав.

Харин цагийн дараа Грекийн аварга том чулуун байшингийн том тасалгаанд, тухайн үед моджахедүүдийн зэвсэгт бүлэглэлийн дунд хамгийн байлдах чадвар бүхий бүлгийн нэг, түүний ойр дотнын хамтран ажиллагчид болон захирагдагсад болох бүлгийн дарга нар цугларав. Цувааг намнахын өмнө зөвлөлдөхөөр цугласан нь энэ болой. Расул, Мухтар болон Доку нар ч оролцов. Уулынханы заншлаар уламжлалт мэндчилгээний дараа тэд танхимын голд буй томоо гэгчийн цэргийн газрын зургийг тойрон хивсэн дээр сууцгаав.

Грек болох гэж буй ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан илтгэлээ эхэллээ.

- Ах дүү нар аа! Бидний өмнө тавигдсан зорилгын учир холбогдол үнэлж баршгүй юм. Буруу номтны ачааг булаан авах нь бидэнд амин чухал ажил болой. Түүний тусламжтайгаар бид хүчин чадлаа ихээхэн бэхжүүлэх болно. Холбооны хүчин стратегийн хувьд биднийг ялчихлаа хэмээн тооцоолж аажим аажмаар тайвширсаар байна. Гэвч тэд эндүүрч байна! Ичкер Улс хэзээ ч, хэний ч эрхшээлд орохгүй! Дайсны удирдлага манай эсэргүүцлийн хөдөлгөөний хүчинг багахан хүчээр жижигхэн хэмжээний партизаны дайн явуулах онолд шилжихээс өөр аргагүй болсон гэж тоймлон төсөөлж байгаа. Бид тэдний төсөөллийг няцаах ёстой.

Грек цэргийн хэргийн муугүй боловсролтой хүний хэл яриагаар ярих агаад энэ нь гайхахаар зүйл биш билээ. Арван таван жилийн өмнө тэр, Зөвлөлтийн армийн дэд хурандаа Аслан Кудаев хэмээн десантын дайралтын бригадын штаб удирдаж байсан билээ. Тэрбээр рот, батальон захиран Афганистанд бараг таван жил тэрхүү дайны хамгийн оргил үед алба хаасан болой. Тэгээд Фрунзийн нэрэмжит цэргийн академи төгссөн ажээ. Тэгэхээр цэрэг дайны талаар Грек туршлагатай мэргэжилтэн байлаа. Тэр тусмаа Үйлт зам өнгөрөн гардаг газар орныг хар багаасаа судалчихсан гэж хэлж болох агаад тэгээд ч тэр хил тал дахь Хагархай Цохионы дэргэдээс зүүн тийш салаалах замаас холгүй орших Артум-Кале суурингийн уугуул ажээ. Тэнд одоо хүртэл түүний олон төрөл төрөгсөд амьдарч байгаа билээ.

- Ерөнхий үүрэг даалгавар гүйцэтгэж буй бүлгүүд бие даан идэвхтэй агаад үр дүнтэй байлдааны ажиллагаанд шилжин ор. Бидний зорилго Ичкерийн өмнөд хэсгийг бүхэлд нь хяналтандаа авахад оршино. Өөрийнхөө эзлэн авсан газартаа Зөвлөлтийн армийн цэргийг ч, талибуудыг ч дайснаа хэмээн нэвтрүүлээгүй “Пандшерийн арслан” хэмээн алдаршсан, өдгөө талийгаач болсон Ахмад-шаха Масудаар жишээ авцгаая. Бид энд түшиц газар байгуулж, манай гадаадын анд нөхдөдөө Оросын дарлалаас Кавказыг чөлөөлөх хөдөлгөөн зөвхөн үргэлжилж байгаа ч биш өөрийн эгнээг Аллахын дайчдаар өргөжүүлэн тэлсээр байгааг харуулах болно. Тэгж байж л бид гаднын дэмжлэгт найдлага тавьж болох юм. Энэхүү стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бидэнд энэ ачааг булаан авах амин чухал шаардлага тулгараад байна. Та нарын бүлэг ажиллагаанд бэлэн үү?... хэмээн Грек захирагдагсадаасаа асуув.

Насаар ахмадын хувьд бүгдийг төлөөлж Мухтар хариулав.

- Буруу номтонтой тулалдах шийдвэр төгс байгаа бөгөөд бүлгүүдийг бүрдүүлэн хувцас хэрэглэл, зэр зэвсгээр хангаж, бэлэн байдалд оруулсан!

- Сайн байна! Та бүхний өмнө газрын зураг байна! Тахиралдсан туузаар тэмдэглэсэн замын байдал эвдэрч муудсан, гүүр гэмтэж, аягүй бол бүрмөсөн нурсан байгаа, гэхдээ дайсан түүгээр хэрхэн дайран өнгөрөхөө мэдэж байгаа. Цувааны хувьд маш удаан явж таарна. Үүнд л бидний давуу тал оршино. Гяуруудтай хаана учрахаа би удаан бодлоо. Хавцлын дунд уу? Хаана уулс замын дээрээс өнгийж байх билээ? Ус гатлах гарман дээрх десантчидын хянах цэгийг буулгасан эсэх? Бидний хувьд энд л тохиромжтой баймаар. Гэхдээ бидэнд хаана тохиромжтой байхыгдайсан ч тооцоолсон байгаа. Аюул заналхийлэх хэсэгт цуваа байлдаанд бэлэн байх нь мэдээж, хэрэв өөр арга мэх хэрэглэчихгүй бол шүү, жишээлбэл урьдчилан сэргийлж агаарын халхлалт дуудчихаад ондоо газар руу орчхож мэдэж юм. Тэр тусмаа дайсанд аль болох илүү аюул учруулах, бидэнд тохиромжтой газар оросын десант шүхрийн хорооны байрлалаас тийм ч холгүй байгаа. Харин ууланд хянах харуулуудыг байрлуулж цуваатай холбоо барьж байж болно. Манай дайчдын хувьд харуулуудыг устгахад тийм ч их хүндрэл учрахгүй. Гэвч энд бид хэрэв бүгдийнх нь хоолойг хэрчиж чадахгүй бол их л эрсдэлтэй алхам хийх болой. Холбоо барих хүн үлдчих юм бол, десантчдаас өөрийнхөө амь насны үнэ цэнээр өөрсдийнхөндөө аюулын тухай мэдээлэх ухаангүй улайрсан эх оронч гарахгүй гэх баталгаа хаана байна вэ? Үгүй бол хэрэг явдлын үед хяналтын дохиолол хэрэглэх ч юм бил үү? Бидэнд тэгэхгүй гэсэн баталгаа байхгүй. Харин отолт хийхгүй гэж тооцоолсон тэр газар бүрт бүгэн хүлээх болно. Хагархай цохионы өмнөх талбар байна. Тэр бол хөдөлгөөн үйлдэх болоод довтолгоон хийхэд тохиромжтой, уулын энгэр бэл нь налуу, өвс ургамлаар бүрхэгдсэн ашигтай байрлал. Гол зам нь салаалахынхаа өмнө цохио руу бараг тулан ирдэг. Энэхүү цохио болон энгэр бэл дээрээс доод хөндийд яваа цуваа алган дээр тавиастай мэт харагдах болой.

Захирагч нарын нэг нь бодлогошрон сахлаа илж байсан нь Грекийн анхааралд өртөв.

- Мухтар, чи юунд нь сэтгэл дундуур байна вэ?

Цаадах нь бодлого болсоор өгүүлэх нь:

- Оросын хилтэй дэндүү ойрхон юм. Цуваанд тусламж заавал ирнэ. Биднийг дайрахаас өмнө тэд нэгдэж амжихгүй гэж үү?

Грек хариу ийн хэлэв:

- Ухаалаг сэтгэж байна! Тиймээс Аллахын ивээлээр илгээсэн мөнгөөр зарим генералуудад төлбөр төлснөөр цуваа, түүнийг угтан учрах хүчнээс хоёр цагийн өмнө ангийнхаа байрлалаас хөдлөх болно. Талбараас баруун гар талын замыг барин явна. Энэхүү замын баруун салааг чи өөрийнхөө бүлгийн хүчээр хааж, минажүүл. Үлдсэн дайчдаа Цохионы өмнөх талбарт ирүүл, тэнд тэд нэвтрэн гарсан дайсныг цохих хамгаалалтын хоёр дугаар эгнээг бүрдүүлж, миний стратегийн нөөцөд үлдэнэ. Ойлгов уу?

- Ойлголоо!

Грек үргэлжлүүлэн:

- Доку чи хүмүүсээ яг энд ирүүл, хэмээн Грек зураг дээрх цэгийг зааж, цувааны бүрэлдэхүүн цаг гаран ажиллаж байж зайлуулахаар бага зэргийн чулуун нуринга зам дээр нураа. Дараа нь бүгдээрээ Цохио руу явцгаана. Түргэвчилсэн алхаагаар явна шүү. Тэнд цувааны хөдөлгөөний зүүн гар талын энгэрт байрлалаа эзэл. Цувааг гэнэт дайрах чадвартай байхын тулд хүмүүсээ ингэж тараан байрлуул. Гранатометчид болон мэргэн буудагчид онцгой үүрэг гүйцэтгэнэ шүү. Чиний хувьд арын БРДМ болон хөдлөх бүрэлдэхүүний машиныг устгах. Чи цувааг гүүрэн дээр заавал зогсоох ёстой. Мэргэн буудагчид эхний ээлжинд офицерууд болон жолооч нарыг устга. Чамд асуух асуулт байна уу?

- Алга, Грек ээ!

- Сайн байна! Расул одоо чиний ээлж! Бүлгээ хоёр хуваана. Нэг хэсгийг нь энд, талбараас арван таван километрийн тэртээ хавцлын энгэрт орхигтун.

Расулын нүднээ гайхсан харц илрэх амой. Грек тайлбарлаж:

- Десантчид өөрийн бэлтгэл хүчнээс халхлах бүлэг цувааны араас нууцаар гаргаж магадгүй. Цуваатай ойртолгүй, зай барьж түүний араас явж довтолсон тохиолдолд довтлогчдын араас цохилт өг. Бид Афганистанд цаг үргэлж ийм тактик хэрэглэдэг байсан юм. Тиймээс би дайсны хувьд тохиромжгүй байрлалд байлдахын тулд, тиймэрхүү халхлалт байх юм бол цаг тухайд нь илрүүлэхийг хүсэж байгаа юм. Тийшээ ахлагчаар нь туршлагатай хүн илгээ. Үндсэн цувааг нэвтрүүлж, ар талыг хаах нь тэдний гүйцэтгэх үүрэг. Тэдэнтэй холбоо тогтмол барь! Хэрэв шаардлага гарах юм бол тэднийг дуудах болно! Бүлгийн нөгөө хэсгийг баруун гар талын энгэрт байрлуул. Түрүүнд яваа БРДМ чинийх. Ийм л маягаар, ах дүү нар минь, бид цувааг чулуун уутанд оруулах агаад тэндээс тэдэнд гарах гарцгүй байхгүй. Бүх төрлийн зэвсгийн бөөгнөрүүлсэн галаар галласны дараа дайрч ачааг булаан авна. Довтолгоог няцаахаар техникээ орхин буух амьд хүчийг устга. Ачааны машинуудын тэвш рүү буудахыг эрс хориглоно. Миний сайн мэдэх жимээр Артум- Калегийн цаана орших агуйд буцаж очно. Тэндээс энэ байрлалд буцаж ирнэ. Гэхдээ энэ бол тусдаа яриа. Асуулт байна уу?

- Хэрэв Холбооны хүчин дайрагч онгоц болон нисдэг тэргээр галын дэмжлэг үзүүлбэл яах вэ?

Грек захирагдагсадаа тайвшруулж:

- Энэ бол миний санаа тавих ажил! Би ч бас өөрийнхөө бүлэгтэй тэнд очно. Би шууд хавцал дээр байрлана. Харин нисэх хүчний хувьд! Эсэргүүцэн тулалдагч талтай шууд тулгаран байлдах үед тэд өөрсдийнхнөө онохоос сэрэмжилж идэвхтэй ажиллагаа явуулж чадахгүй агаад гойд шамдуу заримыг нь газардуулахад бидэнд “стингер” пуужин тусална.

- Тийм ээ! гэж Мухтар хэлээд. - Чи бүгдийг урьдчилан харсан нь илт байна!

- Бүгдийг урьдчилан харах боломжгүй, гэхдээ хэрэв биднээс Аллах нүүр буруулчихгүй бол, онолын хувьд ажиллагаа амжилттай болох ёстой. Сүүлд нь хэлэхэд миний тушаалаар дайралт эхэлнэ! Гүйцээ! Үүргээ биелүүлцгээ! Хагархай Цохионы дэргэд зургаагаас зургаа гучид заасан байрлалд уулзана, тэнд бусад даалгаврыг хэрхэн биелүүлсэн тухай илтгэл хүлээн авч, ажиллагааны хувилбарт эцсийн засвар хийцгээнэ. Аллах Акбар!

- Аллах Акбар!

Цагийн дараа Грек шилмэл яргачид бүхий дөчин хүнтэй бүлгээ авч өөрийн үндсэн бааз болох уулын сууринг орхин гарч, хүмүүсээ удирдан өөдөө өгсөн одлоо. Ууланд дээшээ өгсөх амой.


Top
   
PostPosted: Sep.21.17 9:38 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРЬДУГААР БҮЛЭГ

Десантчидын цувааг гаргаж өгөн ахмад Антонов Бережной хоёр талбай дээр зогсож байв. Сергей нэг л сэтгэл гонсгор харагдах ажээ. Володя түүнээс ийнхүү асуулаа:

- Антон яагаад царай чинь барайчхав?

- Энэ бүхэн шалиг самуун зүйл болохоор л!

- Бүгдээрээ юу?

- Чи өөрөө харж байгаа биз дээ! Төөрөгдүүлэх үүрэг гүйцэтгэхээр томоохон хамгаалалт бүхий хүч нэмэгдүүлсэн цуваа явуулж байх юм. Яагаад түүнийг ачаа тээвэрлэлтэд ашиглахгүй байна вэ? Ийм хүчтэй цувааг довтлох санаа цөөхөн л босогчдод төрөх байх. Үгүй дээ!

Түүнийг дайсныг төөрөгдүүлэх зорилгоор гаргаад, харин биднийг үл ойлгогдох ямар ч юм замаар үндсэн ачааг тээвэрлүүлэхээр өглөө гаргах гэж байх! Энэ тохиолдолд төөрөгдүүлэх хүчний хамгаалалтаас бидний хамгаалалт хамаагүй муу байдаг. Энэ бүхнийг юу гэж ойлгох вэ?

- Энд л бүх юмны давс хужир нь байгаа байлгүй дээ?

Антон цухалдангуй хариулах нь:

- Давс нь Каспийн тэнгист байгаа, харин энд бол шалиг самуун нь байна. Болзошгүй дайралтаас хамгаалах хэчнээн хувилбар ХАБА-ны хурандаа урьдчилан сануулж байсныг чи анхаарсан уу? Тэгэхээр, энэ хуучин үйлт зам тийм ч аюулгүй болоод хамгаалалттай биш байгаа биз? Талбар ч гэсэн? Тийш нь тагнуул илгээж чадсан мөртлөө тэднийг тэнд нь тогтоон барихыг төдий л бодсонгүй. Адилхан л балай хэрэг! Энэхэн цаг хугацаанд чухам юуг нь ч өөрчилж болохгүйгээр бүхнийг маш нарийн бодож тооцоолсныг харж байгаа биз. Тийм ээ, хоногийн дотор энэ талбарт зөвхөн цувааг булаан эзлэх төдийгүй ачааг дамжуулан ачих ротыг ч "нисдэг тэрэг”- тэй нь хамт бут ниргэх хүчийг “чех”-үүд татаж болно. Десантчид л хэрэв туслахаар ухасхийх юм бол тогтоон барьж болох байх! Тийм ээ. Одоогийн байдлаар хоёр цуваа уулзах хамгийн байж болох байрлал нь Талбар мөн ч, мөн хамгийн аюул заналхийлэх газар! Биднийг “чех”-үүд багахан хүчээр гэнэдүүлэн дайрлаа гэхэд бидэнд агаараас туслах ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл босогчид бидэнтэй мөргөлдлөө гэхэд “эргэлдүүр”-үүд буудаж чадахгүй, өөрсдийнхнөө оночихно. Ингээд л бантан хутгаж байгаа юм даа! Үгүй! Миний хувьд, биднийг өгөөш болгож байна гэж бодож байна. Хүч нэмэгдүүлсэн энэ хуурамч цувааг биш шүү! Тэгээд бас ахлагчаар нь Крамаренког тавьдаг нь ч! Тэрбээр өөрийнхөө дүрмээс өөр юу ч мэдэхгүй, нэг ч удаа аянд гарч байгаагүй, гэтэл харин түүнийг ийм чухал даалгавар гүйцэтгэх цувааны даргаар тавьж байдаг! Энэ бол тэнэглэл биш гэж үү дээ?

Владимир найзынхаа мөрөн дээр гараа тавьж:

- Антон минь, чамайг байхад зүгээрээ! Тэднийг Крамаренкотой нь чөтгөр аваг. Даргалж л байг. Бид хэрэв цагийн байдал үүсэж, тулалдах болбол энэ даргаа Казбекийн машины бүхээг рүү чихчихнэ.

- Тэднийг Крамаренкотой нь нулим! Харин холбоо яах билээ? Яагаад ганцхан хурандаатай холбогддог билээ? Яагаад бидэнд эцсийн эцэст угтан ирэх хүчин, нисэхийнхэн, десантчидтай харьцах боломж олгохгүй байна вэ? Ямар нэгэн юм болдог, холбоо тасардаг, бид тусламж дуудах ямар ч боломжгүй болж, бүх юм дуусна даа!

Бережной ийнхүү санал тавив:

- Серёг аа? Асартаа орцгооё, тэгэх үү?

- Тэнд юу хийх юм вэ?

- Энд ингээд зогсож байх нь дээр байна уу?

- За тэгье, явцгаая! Балгадаг ч юм бил үү?

- Чи байлдаанд орохдоо уудаггүй гэдэг биш бил үү?

- Тийм нь ч тийм! Харин одоо бол тасартлаа угжмаар байна, тэгвэл энэ бүхэн... рүүгээ тонилохсон.

Офицерууд талбайг орхин явцгааж, өөрсдийнхөө асарт буцан ирж орон дээрээ хэвтэцгээв. Нойр нь ч хүрсэнгүй, хүсэх зүйл ч байсангүй, гагцхүү цаг л хурдан өнгөрөөсэй хэмээх аму. Аянаа л хурдхан эхлэхсэн! Тэгвэл сэтгэл амар болох болой.

Москва орчмын зуслангийн байшин дахь өөрийнхөө ажлын өрөөнд залхуу хүрэм уйлагнасан шиврээ борооны жижигхэн дуслууд цонхны шил тогшин урсахыг цонхоор харан суух генерал Василько мөн л цаг хурдан өнгөрөхийг тэсэж ядан хүлээх амой. Мөн л бүх зүйл хурдхан эхлээсэй хэмээн бодох бөлгөө! Эхэлсэн л бол зогсоох боломж огтхон ч үгүй билээ. Тэр тамхиа асаалаа. Яковлевыг биеэ тайван авч явж, төлөвлөгөөний дагуу элдэв зөрчил гаргалгүйгээр үүрэг даалгавар биелүүлж байгаа талаар илтгэсэн Марковын илтгэлийг үл харгалзан, генерал хурандаад нэг л итгэхгүй байв. Итгэхгүй! Тэрбээр ажиллагааг тасалдуулж чадах амой! Түүний сэтгэл санаа сүүлийн үед нэг л өөрчлөгдөөд байгаа болохоор хамгийн хариуцлагатай үед түүнийг ухарчихгүй байлгахгүй бол гарах үр дүн нь, ялангуяа генерал Василько хувьд аюултай байж болох билээ.

Яковлевын элдэв эсэргүүцэл болон үг дагахгүй байх хүслийг нь хязгаарлахын тулд сүрдүүлэх нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй гэж генералд хэн ч юм хэлэх шиг болох авай. Василько ч аргаа оллоо.

Тэрбээр түүнд үнэнч хүн, шууд захирагдагсадын нэг болох хошууч Ганиныг дуудлаа.

Даруйхан тэр орж ирэв.

- Ганин! Хурандаа Яковлевын охин хаана байгааг хурдан мэд. Ажилладаг телевизийн студийг нь чи мэдэх байх! Хурдал, хошууч аа!

- Гүйцэтгэе!

Арван таван минутын дараа илтгэсэн нь:

- Нөхөр генерал, хурандаа Яковлевын охин Ольга өөрийн ажилладаг телевизийн студид ажил дээрээ байна.

- Сайн байна! Хоёр хүүхэд өөртөө ав. Түүнийг гарч ирэхийг хүлээж байгаад, гарч ирэхэд нь барьж ав. Охиныг нааш нь над дээр авчир!

Хошууч ийнхүү асуув:

- Хэрэв хэн нэгэн түүнтэй хамт байвал яах вэ?

- Чамд гэрч хэрэгтэй байгаа юм уу?

- Огтхон ч үгүй!

- Тэгвэл илүү асуулт гэж тооц! Дээрмийн довтолгоо хийхэд хохирогч хэрэгтэй биз дээ, гэхдээ мэдээж тэр нь Ольга болох ёсгүй. Яковлевын охин өнөө шөнийг миний дэргэд өнгөрөөх ёстой! Ойлгов уу, Ганин?

- Яг тийм!

- Ажиллагаанд хэрэглэх машиныг хулгайлж, дараа нь хаа нэгтээ хогийн цэгт шатаа. Хошууч аа, ямар ч ул мөр, гэрч үлдэх ёсгүй шүү! Урагшаа!

- Гүйцэтгэе!

Генералын өрөөнөөс хошууч ухасхийн гарлаа. Генерал тушаал өгсний дараа зуун грамм коньяк ууж, жаахан тайвширлаа.

- За, Яковлев минь, чиний хамгийн хайртай хүн үхлийн аюулд орсныг дуулаад чамайг хэрхэхийг харъя! Ажиллагааг л явуулчих юм сан! Түүнийг л амжилттай явуулчих юмсан! Дараа нь Яковлевт толгойдоо сум зоохоос өөрөөр, өөрийгөө зөвтгөх хэчнээн бэрх болох бол оо. Түүнтэй зууралдаж байх хооронд Василькод эртнээс бэлдсэн нөөц аэродром, банкны харьцах данс гэхчлэн довны цаагуур зайлан одоход бүх юм бэлэн болсон байна. Өтлөх насаа тайван өнгөрөөхөд хангалттай хүрнэ. Эх орон минь энэ үхэлтэй үхэлгүй ч болох л болно! Тонилж далд ормор!

Ольга Яковлева шөнө арван нэгэн цагийн орчим телевизийн байрнаас гарлаа. Өнөөдөр тэр ажил дээрээ ердийнхөөсөө удаан саатжээ.

Бүсгүй түүний “Жигули-7” зогсож буй зогсоол руу явлаа. Өргөн гудамжийг хөндлөн огтолж гараад, нямбайхан тайрсан бутдын дагуу явган хүний замаар алхах авай. Зогсоол хүрэхэд тавиад метр үлдээд байтал гэнэт бутны дундаас хөл хөдөлгөөнгүй явган хүний зам дээр яг Олягийн өмнө хоёр хүн гарч ирэв. Тэд тэрхэн зуур үг дуугүй бүсгүйн нүүр рүү хий цацаж, бүсгүй ч хоромхон зуур ухаан алдахуйд, хаанаас гарч ирсэн нь үл мэдэгдэх “Волга”-гийн хойд суудалд түлхэн оруулав. Машин ч урагш ухасхийн давхилаа! Үл таних хоёр бие бие рүүгээ толгой дохиод буцаад бут руу орцгоов. Жижгэвтэр цэцэрлэгт талбайг өнгөрөөд машинаа сольж, генерал Василькогийн албаны машинаар хотын гаднах өөрийн боссын эдлэнд буцаж ирэв.

Василькогийн ажлын өрөөнд бүсгүйг өргөн авчирч, түшлэгт зөөлөн сандал дээр суулгаад, гарыг нь гавлав.

Хошууч Ганин тэнд байлаа.

- Бүсгүйг харж бай, хошууч аа, ухаан ороод хашхирвал амыг нь таглаарай. Харин нямбайхан ажиллаарай! Тэр аавдаа ойр зуурын юм хэлэх ёстой юм шүү.

- Бүгдийг ойлголоо, нөхөр генерал!

- За сайн байна. Би хэдхэн минут гараад ирье. Өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавьсангүй.

Константин Георгиевич зоогойн өрөөнд орж хоёр чизбургер яаруухан шиг зажлан кофегоор даруулан залгив. Бяцхан гүнцэгээ төгсгөөд ажлын өрөө рүүгээ өгсөв.

Ольга Яковлева ухаан орж, ийш тийш айсан харцаар ширтэв. Ганин түшлэгт сандлын ард зогсоно. Василько ийнхүү асуув:

- Ухаан оров уу, Ольга Юрьевна? Сайн байна! Хий шүршиснээс болж толгой чинь өвдөж байна уу?

- Өв- өвдөж байна! гэж бүсгүй арайхийн хэлэв.

Генерал Ганинд хандаж:

- Коля! Эм авчирч, түүнийг өвчнийг намдаа. Одоохон, Оля, танд тусгай эм авчирна, түүнийг уугаад өвчин өргөс авсан мэт эдгэх болно.

- Та хэн вэ?

- Энэ тухай дараа яръя. Эхлээд эм уу. Коля, тариа хий.

Чимээ гаргалгүй буцаж орж ирсэн Ганин бүсгүйг урагш нь бөхийлгөж, нуруу руу нь цэргийн тусгай зориулалтын тариурын зүүгээр хатгалаа.

Тэр даруйхан Ольгагийн толгойн өвчин намдлаа. Бөөлжис цутгах, нүдэнд нь юм хоёр харагдах нь болилоо. Василько санал болгож:

- Оля, жаахан архи балгах уу? Коньяк таныг тайвшруулж магад.

Бүсгүй асуултаа давтаж:

- Би хаана байна, та хэн вэ?

- Бидний өмнө авсан үүргээ таны аав гүйцэтгэсэн тохиолдолд танд өчүүхэн ч муу зүйл хийхгүй хүмүүсийн өмнө та байж байна! Юрий Александрович бидэнд нэг зүйл амласныг Оля та ойлгосон байх!

Ольга сөргөн асуусан нь:

- Харин миний эцэг хэн болохыг та мэдэж байна уу?

Энэ үгийг сонсоод зөвхөн генерал төдийгүй хошуучийн ч инээд хүрсэн авай. Генерал хариуд нь:

- Мэднэ, хонгор минь, тэр ч бүү хэл түүний төрсөн охин танаас ч илүү мэднэ! Тэгэхээр таныг зөвшөөрвөл би үргэлжлүүлэн яръя. Таны эцэг бидэнд жаал жуул юм амласан байгаа, түүнийгээ биелүүлэх хүч ч байгаа. Хүсэх л юм бол шүү! Харин хүсэхгүй байж магадгүй юм. Тиймээс та энд байгаа юм. Түүнтэй яригтун, зөвхөн тэр амлалтаа биелүүлсэн тохиолдолд таныг тавьж явуулах болно!

- Та намайг эндээс хэзээ ч тавьж явуулахгүй ш дээ.

Генерал гайхан хөмсгөө өргөж, асуусан нь:

- Яагаад?

- Та нарт гэрч ямар хэрэгтэй юм вэ?

- Юуных нь гэрч вэ? Ингэхэд та юу харсан юм вэ? Намайг уу? Тэгвэл намайг олон хүн таньдаг агаад өдөр бүр л харж байдаг. Тэгэхээр Оля та гэрч биш! Яагаад таныг тавьж явуулахгүй гэж? Таны эсрэг ямар нэгэн зүйл хийх санаа сэдэл алга. Мэдээжийн хэрэг, хэрэв эцэг чинь л тэнэглэхгүй бол шүү дээ. Тэгэх юм бол байдал өөрчлөгдөх болно. Гэхдээ, бүх юм сайхан болж, та энэ байшинг тайван орхин явж, таныг хаашаа гэнэ тийш нь хүргэж өгнө гэдэгт итгэж байна. Зөвхөн өөрсдөө л хэл амаа татаж байгаарай. Ингээд л бүх хүний хувьд бүх юм сайнаар дуусах болно! Одоо та жаахан ч гэсэн тайвширсан байх, таны эцэг рүү утсаар ярьцгаах уу? Оля та эсэргүүцэхгүй биз дээ?

- Мэдээж үгүй, гэхдээ би юу ярих ёстой вэ?

- За юу хүссэнээ ярь! Өөрийнхөө үйл хөдлөлөө хязгаарлуулсныг тайлбарла. Аавыгаа ажил төрлийн хувьд хэрэгцээгүй дур зоргоороо ажиллахгүй байхыг, тэгээд цааш нь өөрийнхөө амжилт олж магтаал хүртэж байгаа тухай гэх мэтчилэн. За тэгээд Юрий Александровичтэй холбогдох уу?

Бүсгүй зөвшөөрч:

- Хэрэв энэ бүхэн боломжтой бол, тэгье!

- Бидний хувьд, Оля, бүх юм боломжтой! Коля! Сансрын холбоогоор Яковлевыг дууд.

Хошууч тушаал биелүүлэв. Боссдоо утсаа өглөө. Удалгүй утсаар хурандаагийн дуу гарч:

- Яковлев холбогдож байна!

- Таатай байна! Намайг чи таньсан биз дээ?

- Яг тийм, нөхөр генерал!

- Марков хаана байна?

- Дэргэд байна! Утсаа өгөх үү?

- Тэг!

Василько ийн асуув:

- Ажил хэрэг яаж байна, Роман Яковлевич?

- Бүгд төлөвлөгөөний дагуу, нөхөр генерал!

- За сайн байна! Намайг хурандаатай яриул!

- Яковлев сонсож байна!

Генерал сонирхож:

- Юрий Александрович, сэтгэл санаа ямархуу байна?

- Хэвийн л байна!

- Тэгвэл мэдээ сонс! Тэр бол чиний хувьд тааламжгүй байж болох ч, гэхдээ түүний зорилго нь цэвэр урьдчилан сэргийлэх зорилготой гэдэгт итгээрэй, чамайг яахын... За өөрөө ойлгож байгаа биз дээ.

Хурандаагийн дуу чангарч:

- Юун мэдээ байдаг билээ?

- Чиний охин манайд зочилж байна, Юра. Яг өөдөөс минь хараад сууж байна. Хэдийгээр биеэ дажгүй авч явж байгаа ч, жаахан айсан байх. Тайвшруулж болох уу? Би түүнд, чамайг нэг ажил хийсний дараа түүнийг явуулна гэж хэлсэн юм. Миний үгийг батлаад өг!

Генерал утсаа бүсгүйд дамжууллаа.

- Оля юу?

- Аав аа!

Бүх юм сайхан болно, Оля, битгий санаа зов. Өөрийгөө тайван байлгаж, бие дааж зугтах гэж оролдсоны хэрэггүй, тэгвэл-үхэл гэсэн үг. Чамайг маргааш гэхэд суллуулахын төлөө би бүхнийг хийх...

Василько утсаа авч:

- Юра, хэлэв үү?

- Хэллээ! Та яах гэж энэ бүхнийг хийж байгаа юм вэ?

- Юмыг яаж мэдхэв, Юра, яаж мэдхэв! Өөрийнхөө ажлыг бүтээ, чиний хэлсэнчлэн бүх юм сайхан болно!

Яковлев ийнхүү асуулаа:

- Би, танд эргэлзэх сэдэл төрүүлсэн гэж үү дээ?

- Үгүй! Чи тийм сэдэл гаргаагүй, гэхдээ болгоомжтой хүнийг бурхан болгоон таалдаг гэдэг үг байдаг. Миний энэ үйлдэл урьдчилан сэргийлэх зорилготой гэж би хэлсэн байх аа. Ингээд боллоо, Юрий Александрович. Охиныхоо хувьд бүү санаа зов, түүний хувьд дээд зэрэглэлийн нөхцөл байдалд бүхий л шаардлагатай гэсэн үйлчилгээг үзүүлнэ! Танд амжилт хүсье, бүх ажил бүтсэний дараа Ольгаг гэрт нь хүргэж өгнө. Үдийн хоолны дараа чамайг түүнтэй холбоо барьж болох юм гэж би бодож байна,

Генерал утсаа унтраав. Хошууч Ганины зүг хайхрамжгүйхэн толгой дохиж, тушаасан нь:

- Түүнийг зооринд аваач! Өглөө таван цагт энд авчир! Түүнээс ямархуу хожлын хясаа унахыг харцгаая!

Ганин Ольгаг босгож, гавнаас нь хөтлөн харанхуй зоорины шатаар бууж, бүсгүйг хүйтэн бетон шал руу түлхэн унагав.

Харин генерал зөөлөн сандлынхаа түшлэгийг налж, зүүрмэглэв. Хэрэв унтах юм бол 5:00-д заавал сэрнэ гэдгээ тэрбээр мэдэх бөлгөө. Олон жил алба хаахдаа түүний бие махбод үүнд дасан зохицсон ажгуу.

Чеченьд харин хурандаа Яковлев утасны харилцуурт уураа гаргаж ор руу шидлээ. Марков хэрэгт дурлаж асуусан нь:

- Юрий Александрович, генерал яагаад сэтгэл дундуур байна вэ?

- Марков, чамд ямар хамаатай юм вэ?

- Би зүгээр л таныг дэмжихийг хүссэн юм.

- Надад хэний ч тусламж хэрэггүй!

- За яахав. Ярихаа болъё.

Яковлев өгүүлсэн нь:

- Би энд үлдэж чадахгүй, гармаар байна.

- Дураараа л бол! Миний ойлгосноор генерал таныг дэгээдчихэв үү? Тэр ч хэлсэн үгэндээ хүрдэг хүн. Хэрэв ямар нэгэн юм хийхийг хүсэж байгаа бол Юрий Александрович минь эхлээд сайн бодож байж, дараа нь хийх хэрэгтэй дээ.

Хурандаа ярзагнаж:

- Намайг сургадаг нь чи биш!

- Эй, хурандаа минь, дэмий л тэнэг юманд хутгалдаж байна даа. Таны амьдралд юу дутлаа гэж тэр вэ? Ойлгохгүй юм! Явж, юу хүссэнээ хий! Ажиллагааны бүх хариуцлага танд тохогдох агаад надад ямартаа ч заналхийлэх аюул байхгүй, харин та, Юрий Александрович бүхнийг алдах болно! БҮХНИЙГ!

Яковлев эгдүүцэж:

- Хошууч аа, энэ чинь чи, хэзээнээс эхлэж намайг ингэж “чичлэх” болов оо?

- За боль доо! Одоогоор чи юун дүрэм журамтай манатай байж. Тэгээд хүнд юу дутдаг байнаа?

- Асуух юу байна? Цэвэр агаар, харин энэ үгүй бол эргэн тойронд өмхий самхай л ханхална шүү дээ! Тийм ээ, чи үүнийг хэзээ ч ойлгохгүй, хошууч аа!

Яковлев гадагш гарлаа.

Марков араас нь амандаа:

- За явж, цэвэр агаар амьсгал, цэвэрхэн амьтан минь! Түүгээр удаан амьсгалахгүй л болов уу, чи! Түүнийг өмхий самхай хүрээлсэн байхыг харж байна гэсэн. Удахгүй өмхий самхай болохоос айж мөргөн гуйх болно, мал минь!

Хурандаа биеийн тамирын талбайн дэргэдэх сандал дээр бодлогошрон суух амой. Энэ Василько үнэхээр чоно шиг мэдрэхүйтэй ажгуу! Яковлевыг анх удаагаа л өөрийн боссын тушаалыг биелүүлэлгүй, Марковыг устгахаар шийдээд байтал, генерал охиныг нь барьцаалчихдаг байна шүү. Хэрэв цуваа ангийн байрлалаас таван цагт хөдлөхгүй бол түүнийг алах болно. Мэдээж, өөрөө биш ч, өөрийн үнэнч нохдын гарт өгнө. Харин тэд эхлээд дураараа тохуурхан доромжлоод, дараа нь үзэшгүй муухай тамлуулсан цогцсыг нь хаа нэгтээ уурын зууханд шатаах буюу зүгээр л хогийн цэг дээр хаячихна. Василько энэ бүхнийг үйлдэх нь эргэлзээгүй! Хэрэв Яковлев даалгаврыг биелүүлбэл, тэр Ольгаг тавьж явуулах болов уу?

Бас л үгүй болов уу! Түүнийг, Яковлевыг босогчдод зэвсгээ булаалгасан болон цувааны мөхлийн буруутан болгоно. Энд түүний гутамшигт замнал дуусах ёстойг үнэний нүдээр харах хэрэгтэй. Марков ч энд, Василькогийн түүнд ноогдуулсан ялын тогтоолыг гүйцэтгэхээр байж байгаа юм!

Генералын төлөвлөгөөг нураахуйц зохистой хариу нүүдэл олохыг оролдолгүй, гараа хумин суух гэж үү? Энэ тухай бодох л хэрэгтэй! Гэвч цувааг хоёр цагийн өмнө хөдөлгөхөөс өөр арга алга! Үгүй бол, Марков Яковлевыг устгаад энэ бүхнийг хийх болно. Энэ бүхнийг хийхдээ хэн ч хэл ам татлахгүйгээр цэвэрхэн хийх болно. Цус харваснаас болж үхсэн хурандаагийн гэнэтийн үхэл юуных нь хачин байх билээ? Одоо энэ бүхэн дэргэд нь бэлэн байж байна. Амьдрал ийм л болж дээ. Цувааг явуулж л таарах нь, гэхдээ дараа нь генералтай хэрхэн тоглодог юм билээ? Марковын түүнд тавих анхаарлыг сулруулж байгаад хурандаа гараа ажиллуулна даа. Анхны үйлдлээрээ л чухамхүү Марковыг саармагжуулна. Харин дараа нь... Дараа нь юу болохыг харъя, генерал Василько!

Автын офицеруудын амарч буй асарт 4:00 цагт хурандаа Яковлев, түүнийг сүүдэр мэт дагах хошууч Марковтай хамт орж ирэв.

- Нөхөд офицерууд, сэрээд!

- Антонов эхлэж сэрээд, цагаа харав.

- Хурандаа, юу гээчийн чөтгөр вэ? Дөнгөж дөрвөн цаг болж байна.

- Цагийн байдал өөрчлөгдсөн. Үнэндээ өчигдөр тэгж тогтсон ч, өчигдрийн зөвлөгөөний нууцлалыг хадгалах зорилгоор цувааны хөдлөх цагийг өөрчилсөн. Эхлээд “Бамбар” ажиллагааг өглөөний таван цагт эхлэхээр төлөвлөсөн нь өмнө албан ёсоор зарлан мэдээлсэн цагаас хоёр цагийн өмнө болох болой,

- Ойлгомжтой! Одоохон очлоо!

Яковлев, Марков хоёр гудамжинд гарав. Тэдний араас хурдан хувцасласан ахлах ахлагч Дудашёв гарч ирээд, эл хуль бие засах газрыг чиглэн алхлаа. Түүнд гуталчны өгсөн утас аль түрүүний холбогдож хэдэн минут дуудсан амой. Ахлагч хүлээн авах товчлуурыг дармагц тэр даруй энхрий дотнохон дуу сонсогдлоо:

- Казбек, хонгор минь би байна, Дарья чинь!

Дуу хоолойных нь өнгөөр ахлах ахлагч, бүсгүйг хүргэх газар нь хүргэж ирснийг мэдэрсэн ч, тэр сэрэмжлэх арга хэмжээ авах ёстой байсан тул:

- Чи одоо хаана байна вэ?

- Манай ШНБ-ны орчим, замын хаалт хөндлөвчний дэргэд зогсож байна. Би замдаа иргэний үнэмлэх, мөнгөө хулгайд алдчихсан тул эргэж ирлээ. Тэгээд төрөл төрөгсөдтэйгөө уулзаж амжсангүй!

Бүсгүйн ярианаас түүнд өмнө нь заавар өгсөн нь ойлгомжтой байв.

- Зүгээр дээ, хонгор минь! Хотхоны гэртээ очоорой! Ухаантай шүү чи! Надад ярьснаасаа өөр юм хэнд ч юу ч битгий яриарай. Гай зовлон бүү тохиолдоосой гэж тэр шүү, тохирох уу?

- Казбек, би бүгдийг ойлголоо! Бид хэзээ уулзах бол оо?

Дудашев ийнхүү амлалаа:

- Удахгүй! Удахгүй уулзана, хайрт минь! ШНБ-ны жижүүр хэн байна?

- Саша Солодовник!

- Түүнд утсаа өгөгтүн!

Жижүүр хариуд нь:

- Казбек! Чамайг сонсож байна!

- Паша юу? гэж Дудашев үл ялиг ялгай хоолойгоор нь ахлагчийг танилаа. - Паша чамайг яагаад үргэлж ШНБ-д гаргадаг билээ? Ямар гавьяа байгуулчхаад тэр вэ?

- Казбек, чи нэг л андуураад байна. Би энэ сард ердөө хоёр дахь удаагаа энд гарч байна. Хуваарь ёсоор.

- Тийм үү? Андуурсан байх нь. Дашад харилцуураа дамжуул. Дашенька? Харамсалтай нь цаг болохоо болилоо. Би чамдаа маш их хайртай шүү гэж хэлье. Энэ үгийг үүрд санаж яваарай!

- Би ч бас чамд хайртай, Казбек! Чиний хоолой яачхав?

- Энэ лав холбооны сүлжээнээс болсон байх-хэмээн гэнэт хоолой нь зангирсан ахлагч хариулав. - Боллоо, хайрт минь! Холбоо төгсье!

Ахлагч гарахаар алхтал гэнэт гүйдлийн сулхан цохилт мэдрэгдэв. Түүнийг дахин дуудах ажээ. Тэр холбоогоо залгав. Энэ удаа Грек өөрөө ярив:

- Намайг хэлсэндээ хүрдэгт итгэв үү?

- Тэглээ!

- Чамайг хэлсэндээ хүрнэ гэж найдаж байна!

Ахлагч хариуд нь:

- Зөвхөн өөрийнхөө чадахыг л хийнэ!

- Чамаас илүү юм шаардахгүй. Чи зүгээр л дуугүй байхад хангалттай.

Дудашев Грекд утсаа салгах боломж өгөлгүй, асуулт асуув:

- Хүлээж байгаарай! Цуваанаас хэзээ салж явахаа би мэдмээр байна. Би чиний суманд алагдахыг хүсэхгүй байна.

Лалын дайчдын толгойлогч ийн тайлбарлав:

- Зам дээр нураасан чулуу өнгөрөөд зугтаж болно. Чамайг уулс залгичих бий, болгоомжтой байгаарай. Хэрвээ хүсэж байвал төгсөл хүртэл нь цуг яваарай. Тулаан эхлэхээр хаа нэгтээ нуугдана биз. Чамд хүрэхгүй! Казбек чи одоо манай хүн! гээд Грек инээв. - Өөрөө шийд! Гүйцээ! Чамтай уулзахад би бэлэн байна. Том дуугарсны чинь төлөө шийтгэмээр л байна! Чиний хүүхнийг сулласан болохоор түүнийг эргүүлээд барьж чадахгүй гэж чи бодоогүй биз дээ, гяур минь! Хэрэв хүсэх юм бол шууд ангиас чинь хулгайлж чадна шүү! Түүний араас нүд салгалгүй ажиглаж байгаа. Үүнийг анхаарна биз, ахлагч аа!

Холбоо тасарлаа.

Казбек дахиад л илжигний арьс нөмөрсөн өөдгүй амьтан болохоо мэдрэв. Тэсч ядсандаа тэр нударга зангидан хаалга цохилоо.

Ахлах ахлагчийг асарт буцаж ирэхэд Сергей тоглож түүнд:

- Казбек, чи бүлх залгичихсан аятай юу болоо вэ? Үгүй бол чи эрт боссоноос болж нойрмоглоод байгаа юм уу?

- Антон, боль л доо, тэгэх үү? гэж ахлагч гуйв.

- Тэгье! За, эрчүүдээ бэлэн үү? Тавиулан руу явцгаая!

Жагсаалын талбай дээгүүр гарч явахдаа Бережной асуулаа:

- Антон! Гарах цагийг үргэлж ингэж өөрчилж байдаг уу?

- Үгүй! Гэхдээ заримдаа тэгж л байдаг юм. Ямар нэгэн хэсэгт дээрэмчид отолт хийхээс өрсөн гарч дайсныг будлиулахын тулд тэгдэг л юм.

- Ингэж цагаас нь өмнө гаргадаг нь дайсан бидний эсрэг юу ч юм бэлдсэн гэсэн хэрэг үү?

Антон мөрөө хавчиж:

- Чөтгөр л мэдэх байх, Володя! Миний хувьд огт ондоо зүйл сонирхож байна. Угтан уулзах хүчний цагийг бас өөрчилсөн эсэх? Намайг сонсоцгоо, хүүхдүүдээ. Бидэнд хорооныхны тулган тушаасан цувааны журмаар арван километр л явна. Дараа нь тохирох газарт хүрээд бүгдэд “Зогс” тушаал өгч, цувааны журмыг өөрчилнө. Миний хэлсэн ёсоор цувааг жагсаана.

Владимир анхааруулж:

- Крамаренко, чамд тэгэх боломж өгөх юм уу даа!

Антонов тэдний хэн нь ч сонсоно гэж бодоогүй зүйлийг өгүүлэв.

- Түүнийг удирдлагаас зайлуулах л болж дээ. Ачааны бүрэн бүтэн байдал болон хүмүүсийн амь насыг түүнд даатгах цаг үе нь биш. Хамгийн гол нь түүнээс сансрын холбоог нь хураан авах л байна.

- Чи юу бодож...

- Би юу ч бодохгүй байна! Би тулаанд бэлдэж байна. Дайн тулаан зайлшгүй гэдгийг би зүрх сэтгэлээрээ мэдэрч байна. Яахав, гүйцээ, бид хүрээд ирлээ. Эрт боссоны улмаас таагүй байгаа байдал үзүүл, дараа бусад зүйлээ ярьцгаая!

Антонов, Бережной болон Дудашев нар байлдааны машины тавиулангийн нутаг дэвсгэрт орохуйд шалган нэвтрүүлэх байрны ойролцоо тэднийг харуулын дарга угтаж, офицеруудыг харуул хамгаалалт бүхий газраар дагуулан, бокс №5 гэсэн бичигтэй байрлалд ирэв.

- Танилц, нөхөд офицерууд, гэж хурандаа танилцуулаад, эд бол манай автынхан. Ахмад Сергей Антонов, Владимир Бережной болон цувааны цоожлогч, техникийн дарга ахлах ахлагч Казбек Дудашев, харин энд нар, хэмээн хурандаа десантчид руу зааж, гвардын ахлах дэслэгч Валерий Веселов өөрийн орлогчийн хамт цувааны хамгаалалтад явна. Түүнд машин тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй БРДМ-ийн баг захирагдаж байгаа. Мөн Вячеслав Никитин-хорин хүний бүрэлдэхүүнтэй тагнуулын салаан дарга. Түүнд мөн зенитийн тоот захирагдана.

Офицерууд мэндэлж бие биенийхээ гарыг атгацгаав.

Хурандаа цагаа харвал 4:37 болж байв.

- Крамаренко, тавиулангаас автомашинуудыг гаргаж, аяны журмаар жагсаа.

Удалгүй таван “КамАЗ” болон засварын “ЗИЛ-131" машинууд тавиулангийн өмнө цуваанд жагслаа. Десантчид энэ үед тавиуланг орхин гарав.

- За, ингээд болов бололтой! Батлагдсан хуваарийн дагуу аялал хийх хугацаанд толгойн машинд хошууч Крамаренко, түүний араас Антонов, Бережной, Никитин, түүний орлогч, цоожинд Дудашев явна! Машиндаа! Байр байраа эзэл!

Офицерууд машины бүхээгт суудлаа эзэлмэгц, хурандаа гараа дохиж хөдөлгөөн эхлэхийг тушаав. Тавиулангийн үүдэн дээр хамгаалалтын салааг хүлээж цуваа хэдэн минут саатлаа. Никитины салаа байраа эзэлж, хоёр БРДМ ч хүрч ирэв. Ахлах дэслэгч Веселов хуягт дээр үсрэн гарч цагаа харан хэсэгхэн хүлээснээ, яг 5:00-д “Урагшаа” команд өглөө.

Байлдааны машины араас нэгэн цагт үйлээ үзэж байсан замаар цуваа могой адил цувран хөдөллөө.


Top
   
PostPosted: Sep.21.17 9:39 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Цувааг Яковлев Марков хоёр харцаараа үдэн хоцров. Хошуучийн сэтгэл уужран амьсгал авч:

- Ай даа гэж! Явуулчихлаа! Надад, өнгөрөгч шөнө дуусч өгдөггүй шүү.

- Хошууч аа, тэд үхэл рүү явж байна. Энэ бүхэн таны сэтгэлийг зовоохгүй байна уу?

Марков хайхрамжгүй өнгөөр хариу хэлсэн нь:

- Огтхон ч зовохгүй байна. Юрий Александрович, та л тэднийг үхэл рүү илгээж байгаа ш дээ! Ер нь хурандаа, та ийм юм асууж байдаг аа? Афганистаныг санал даа. Тэнд чамаас болж өчнөөн олон хүмүүс үрэгдсэн бус уу...

- Марков, дуугаа тат!

- Тэгээд яах юм вэ? Намайг буудах уу? Хурандаа, чиний эр зориг хүрэхгүй! Явж генералд илтгэлээ өгсөн чинь өлзийтэй байх, тэрбээр хүлээж байгаа шүү. Харин дараа нь ажил бүтсэний төлөө зуу, зуун грамм балгаад, унтацгаая! Бид ажлаа хийцгээсэн, амарч болно.

Хурандаа тавиулангийн хаалганаас холдож, хашлаганы цаана гарч станцаа залгав. Дугаараа залгаж дуудмагц, хариулах сонсогдож:

- Василько сонсож байна!

- Яковлев холбоон дээр байна! 5:00! Таны тушаасан графикийн дагуу хошууч Крамаренкогийн удирдлагаар цуваа ангийн байрлалаас хөдөлсөн.

Генералын сэтгэл амран амьсгал авч:

- Сайн байна! Баяр хүргэе! Амрагтун!

- Миний охиныг явуулах уу?

- Хүлээж бай, Юрий Александрович, битгий яар, ажиллагаа дөнгөж эхлэж байна, охин чинь миний дэргэд жаахан байж байг.

Яковлев шаардсан нь:

- Түүнтэй би яримаар байна!

Тэрбээр эрс татгалзсан хариу сонсов:

- Энэ боломжгүй, охин чинь унтаж байгаа, ингэж тохиръё, намайг хэрэгтэй гэж үзсэн тэр цагт л та яриарай, энд утсаар ярьдаг газар биш болохоор та түүнтэй хүссэн үедээ ярихгүй. Охин чинь бүх шаардлагатай зүйлсээр хангагдаж эрүүл энх, амьд мэнд байгаа. Ажлынх нь газар гэр бүлийн учир шалтгаанаар амралтыг нь өгчихсөн. Таны эхнэрт мөн мэдэгдчихсэн. Хоног гаран л та хүлээчих! Харин дараа нь гэр бүлээрээ уулзацгааж, энэ сэдвээр дахин ярилцах шаардлагагүй болно. Гүйцээ. Холбоо төгсье!

Хорооны байрлалд ирсэн цагаасаа хойш холбоотой байсан Грект ч Марков бас цуваа хөдөлсөн талаар мэдээлэв.

Грек баясан гараа үрэх бөлгөө.

За, ингээд тоглоом эхэллээ! Цуст тоглоом! Цуваанд яваа гяуруудад ямар ч боломж өгөхгүй! Грекийн хурц сэлэмний цавчилтаар олон буруу номтны толгой мөрнөөсөө нисэн унах болно! Их ч цус урсана даа! Гэхдээ энэ бүхэн Грект хэрэгтэй тэр зүйл болой! Удахгүй түүнд Ичкерийн өмнө зүгийн бүх уулын дүүрэг захирагдах болно. Энд тэрбээр хатуу ширүүн агаад ганцаарчилсан, хэмжээ хязгааргүй эрх мэдэл бүхий засаглал тогтооно! Харин тэндээс цаг нь болохоор Грозныйд хүрэх л болно. Гол нь одоо энэ чухал шаардлагатай байгаа зэвсгийг авах хэрэгтэй. Мөнгө дансанд орсноор залхаан цээрлүүлэх бүлэг цуглуулж, захирах нь амархан ажил! Аажим аажмаар умар зүг рүү давших болой! Цаг нь ирэхээр түүнээс эвлэрэл гуйж ирэх болно, тэр үед тийм, үгүйг тэрбээр шийдэх амой. Жижиг партизаны дайн явуулахыг сонгож үлдсэн салангид эсэргүүцлийн хөдөлгөөнийхэнийг тэрбээр нулимах болно. Энэ бол Грекийн замнах зам биш! Тэрбээр стратегийн буюу дайтах ур ухааныг эзэмшсэн хүмүүн болой! Төвд байх зарим тэрслэгчдийн ивээл дор бүрэн хэрэгжиж болох алсыг харсан төлөвлөгөө түүнд бий. Цаашид мөр зэрэгцэн явж үл бологчдын ивээн тэтгэлгээр шүү. Аллах Акбар!

Цуваа энэ үед хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр. Толгойн сэргийлэх харуулын захирагч гвардын ахлах дэслэгч Веселов хөдөлгөөний хурдыг 40 км/цаг гэж тогтоосон амой. Энэ бол эхний шатанд зам тэгш талаар явах үеийн хурд ажгуу. Удахгүй огцом эргэлт, хонхор гүдгэр болон замын эвдэрсэн хэсгүүдээс шалтгаалж хурд 20 км/цаг хүртэл унах болой. Ийм хэсгүүдэд, хөдөлгөөний графикийг биелүүлэхийн тулд дунд зэргийн хурдтай явах ажээ.

Машин хоорондын зайг гучин метрээр тогтоожээ. Өнгөлөн далдлах гэрлийн хэрэгсэл хэрэглэсэн цуваа өөрт даалгагдсан холын аюултай замаа эхэлсэн нь энэ ажгуу.

Эхний туулсан арван километр замыг нислэг гэж нэрлэдэг агаад хэвийн өнгөрлөө. Хошууч Крамаренко энэ тухай хурандаа Яковлевт илтгэсэн агаад тэрбээр анхны илтгэлийг жагсаалын талбай дээр, галын дэмжлэг шөнийн цагт үзүүлэх зорилгоор шинэчлэн хуяглан тоноглосон нисдэг тэрэгний салааны бүрэлдэхүүнтэй уулзаж байхдаа хүлээн авлаа. Тэрбээр хошуучид амжилт хүсэв. Дараа нь хурандаа өөрийнхөө асарт буцаж очив.

Харин цувааны дотоод холбоогоор, Крамаренкогийн илтгэлийн дараа, шуудхан ахмад Антоновын тушаал цуурайтав:

- Би Хоёр байна! Бүгд анхаар! Цуваа-зогс!

Крамаренко чихэндээ ч итгэсэнгүй. Энэ чинь юун жүжиг билээ? Тэрбээр Сергейг дуудав:

- Хоёр оо! Би-Нэг байна! Юу болоов? Яагаад тоглоод байна вэ?

- Нэг ээ, тоглоогүй байна! Давтан хэлье, цуваа даруйхан зогс!

Цувааны толгойд явсан тагнуул хайгуулын хуягт машин зогслоо.

Крамаренкогийн сууж яваа “ КамАЗ” ч зогсохоос аргагүй боллоо. Тэр даруй хошууч машины бүхээгээс үсрэн бууж, хажууд нь Антонов зогсох хоёр дахь машины зүг яаран алхав. Мөн түүн рүү дотоод холбоогоор дуудсан машины ахлаач нар, тэр бүү хэл БРДМ-ны ахлаач нар хүртэл ирцгээв. Ахмад ерөнхий цугларалт зарласан ажээ!

Крамаренко шууд л Антонов руу үсчиж:

- Ахмад аа, чи юу л хийгээд байнаа? Цуваанд тушаал өгөх эрх чамд хэн өгсөн юм вэ? Би түүний дарга нь байна! Би, ойлгов уу чи! Энэ бүхэн ямар учиртай юм вэ?

Бережной, Дудашев, Никитин, Веселов нар ойртон ирж хошууч Антонов хоёрыг хагас тойрон зогсов. Сергей ийнхүү шаардав:

- Хошууч Крамаренко, таныг надад сансрын холбооныхоо станцыг өгөхийг шаардаж байна!

- Юу? Энэ чинь бослого уу?

- Таачихлаа! Цэргийн эргэлт! Холбоогоо хурдал! гээд Антонов Крамаренко өөд автоматаа чиглүүлэв. - Тоглоогүй шүү, хошууч аа! Цувааны офицерууд бид чамайг даргын албанаас зайлуулахаар шийдсэн.

Десантчид учрыг нь үл ойлгон зогсох ажээ. Гэхдээ дуугарсангүй, автынхан өөр хоорондоо учраа олцгоог гэсэн бололтой. Антонов үргэлжлүүлэн:

- Сайн дураараа захирагдахгүй бол хүч хэрэглэнэ шүү! Биеэ аятайхан авч явах юм бол ийм шийдвэр гаргасан талаар бүрэн төгс хариулт авна шүү.

- Юу ч гэхэв! Эсэргүүцээд ашиггүйг би харж байна. Үгсэн тохирсон чинь илхэн байна. Ноёд офицеруудаа, түүнийг хэрхэн өөрийгөө зөвтгөхийг сонсоцгооё!

- Холбоо! гээд Антонов гараа сунгав.

Крамаренко станцаа өгөөд, асуусан нь:

- Зэвсгээ бас өгөх үү?

- Түүнийгээ бөгсөндөө зүүгээд ч болов эргээд хороо руугаа явна биз дээ! гэж Бережной бодсон бодлоо хэллээ.

Десантын офицер асуусан нь:

- Эрчүүд ээ, танай энд ер нь юу болоод байнаа ?

- Одоохон, Слава, бүгдийг ойлгоно! Сонс! Гэхдээ ганцхан удаа л тайлбарлана шүү!

Антонов Крамаренко руу эргэж:

- Хошууч аа, хэрэв чи ямарваа нэгэн дайн тулаанд орж байсан туршлагатай, үгүй бол аюултай нөхцөлд аяны марш гүйцэтгэж байсан бол ийм зүйл болохгүй байсан. Гэхдээ одоогоор чиний байх ёстой байр энэ биш гэдгийг зөвшөөр! Дайсан довтолсон тохиолдолд хувь хүнийхээ хувьд зүгээр л мэгдэн сандарч ямар ч цаг үед гаргаж боломгүй алдааг гаргах болно. Энэ бүхэн үүссэн цагийн байдалд тухайн нөхцөлд агшин зуур тохируулан ажиллах туршлага чамд байхгүйн улмаас үүсэх болой. Харин байлдааны үед ямарваа удааширсан үйлдэл нэгдмэл удирдлагаа алдах аюул заналхийлж байдаг бөгөөд үр дүн нь сүйрэл дагуулж болзошгүй байдаг. Эхэлж цувааг нэвтрүүлээд хамгийн хүчтэй цохилтоор зүйл дуусгана! Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Бие бүрэлдэхүүн устгагдана! Миний алба хаах хугацаандаа ийм дайн тулаан өч төчнөөн удаа тохиолдож байсан болохоор дадсан дадлаараа хариу ажиллагааг өөрийн эрхгүй хийх болой. Тиймээс, зөвхөн энэ шалтгаанаар намайг цувааны удирдлагыг өөртөө авах учиртайг, чи ухаарах ёстой! Ийм тайлбар хангалттай юу?

Бүхний хувьд гэнэтийн зүйл болсон нь Крамаренко тайвнаар ийнхүү хариулав:

- Хангалттай! Би ахмад Антоновын хэлж буй дүгнэлттэй санал нэг байна, гэхдээ удирдлагын зайлшгүй шаардлагатай өөрчлөлтийн талаар шууд удирдах даргадаа илтгэх ёстой, тийм дүрэмтэй юм! Өнөөгийн нөхцөлд хурандаа Яковлевт илтгэнэ.

Сергей ийн асуув:

- Яах гэж тэр вэ? Дурдсан хугацаанд хошуучаа чи нэр төдий даргаараа үлдэнэ. Бүх зүйл амжилттай болж өнгөрөх юм бол надад ялагчийн алдар нэр хэрэггүй. Ямар нэгэн зүйл болбол хариуцлагыг би хүлээнэ гэдгээ гэрчүүдийн дэргэд офицерын хувьд хэлэх байна!

Өөрийнхөө ээлжинд штабын дарга асуулт асуув:

- Тэгье! Чи надад ямар үүрэг оногдуулж байна вэ?

- Хоёр дахь машины ахлаач. Ахмад Бережнойтой адил.

- Тэгэхээр бидний адилтгаж байна уу?

- Дэмий үгээ боль доо, Гена, бид бүгдээрээ хамт тулалдах болно шүү дээ!

Цувааны дарга асан гэнэт сануулж:

- Гэхдээ хурандаа Яковлевтэй холбоо барих ёстой хүн нь би шүү дээ!

- Зүгээрээ. Яаж ийгээд болно. Гүйцээ! Цуваа тушаал сонс! Одоо аяны жагсаалын журмаа өөрчлөн жагсана. Дараах дарааллаар жагс: эхний ачааны машинд би явна, миний дуудлага Нэг, миний араас зенитийн төхөөрөмж бүхий “КамАЗ”, түүний ахлаач... гэрээтийн нэр хэн билээ, хүүхдүүдээ? гэж десантчидаас Сергей асуув.

- Түрүүч Алексей Кудрашев! гэж Никитин хариулсан нь, энэхүү гэрээт цэрэг түүний орлогч байсан амой.

- Харин цоожлогч БРДМ-ны ахлаач нь?

- Түрүүч Олег Поляков, гэж энэ удаа ахлах дэслэгч Веселов хариулав.

Тэднийг нааш нь дууддаг байж дээ, эвгүй юм боллоо, миний өмнөөс уучлал гуйгаад, тэдэнд бүх удирдах бүрэлдэхүүнийг танилцуулаарай. Тэгэхээр Крамаренко гурав дахь машинд, дөрөв дэх машинд чи, Слава, бие бүрэлдэхүүний хамт, хэмээн Антонов ахлах дэслэгч Никитинд хандаж хэлээд. - гэхдээ бие бүрэлдэхүүнээ тэвшнээс буулгаж заримыг нь бүхээгт, заримыг нь ачаатай тэвшинд суулга. Өөрийнхөө дэргэд тагнуулын тасаг л үлдээ, ойлгов уу?

Гвардын ахлах дэслэгч ийнхүү хариулав:

- Ойлголоо, ахмад аа!

- Цааш нь, тав дахь машинд Бережной, түүний араас Казбекийн засварын МТО-АТ машин явна. Хөдөлгөөний хурд газар оронд 20-30 км/цаг, машин хоорондын зай түрүүчийн адил гучин метр. Өмнөө яваа машинаа харах хяналтаа алдахгүйн тулд эргэлт дээр ойртож болно. Машины ахлаач нар болон тагнуулын тасгийн бие бүрэлдэхүүн машины бүрхүүлийн оноо, нүх цоорхойгоор хавцлын бэл тийш байнга хяналт хийж сонор сэрэмжтэй яв. Радио удирдлагат фугасын бөмбөгний эсрэг саатуулах төхөөрөмж ажиллаж буй эсэхийг байнга шалга! Цувааны гадна ажиглагдсан сэжигтэй бүхний талаар надад яаралтай мэдэгд! Хөдөлгөөнт шуурхай харгалзан хамгаалах даалгавар өөрчлөгдөөгүй! Одоо бүгд байраа эзэл! Ойролцоогоор километр орчим яваад зам нарийсах тул явдал дундаа аяны журмаа өөрчилж аяны шинэ жагсаалд шилжин ор! Асуулт байна уу? Асуулт алга уу? Гүйцэтгэ!

Цуваа аяллаа үргэлжлүүлэв.

Гэхдээ арван тав орчим километр газрыг харьцангуй тайван туулж чадлаа. Толгойн сэргийлэхийн БРДМ-наас 6:47-д аюулын тухай урьдчилсан сэрэмжлүүлэг ирлээ.

- Нэг ээ, би Долоо байна, сонсож байна уу?

- Би Нэг байна, та нарыг сайн сонсож байна!

- Өмнө, зам дээр чулуу нураасан байна. Орчныг тагнахаар десант буулгаад байна.

- Долоо, таныг ойлголоо! Үйлдлийг сайшааж байна!

Цувааны бүх бүрэлдэхүүнтэй холбоонд орж, ахмад Антонов тушаал өгөв:

- Анхаар! Би Нэг байна! Бүгд-зогс! Бие бүрэлдэхүүн тойргоор хамгаалах байрлал эзэл. Тав над руу! Гүйцэтгэ!

Цуваа зогсож, жолооч болон машины ахлаач нар бүхээгнээс бууцгааж эргэн тойронд хөглөрөх хад чулууны араар орж нуугдав.

Зенитийн төхөөрөмжийн тоот байраа эзэлж, гал нээхэд бэлэн болсон агаад тушаал өгтөл машины бүрхүүлийг авалгүй хүлээх ажээ.

Ахлах дэслэгч Никитины десантчидын салаа бүрэлдэхүүнээрээ хойшоо цувааг цоожилж буй тагнуул хайгуулын байлдааны машины зүг ухарцгаав. Тус салааны тагнуулын тасаг хоёр хэсэгт хуваагдан гинжинд тарж, огцом өндөр бэл өөд аажимхан өгсөж эхэллээ. Хошууч Крамаренко өнгийсөн хадан цохионы дор хоргодон цааш нь юу болохыг хүлээх амой. Антонов шууд, цувааны үйл ажиллагааг хянан зохицуулахад бэлэн болж, газрын гавд нуугдан ажиглалт хийх ажээ.

Гэвч юу ч тохиолдсонгүй. Эргэн тойрон чив чимээгүй дүнсийх авай. Цувааны эсрэг хэн ч, юу ч үйлдсэнгүй.

Антонов руу Володя Бережной ойртон ирэв.

Арван минутын дараа десантын тагнуул, дайсан илрүүлсэнгүй гэж илтгэв. Үнэхээр ч энэхүү эгц хадан хясаан дээр бэхлэн хамгаалж, тулаан явуулах боломжгүй ажээ. Овоорсон чулуунаас цаашаа зам цэвэрхэн байх ажээ.

- Тэгэхээр, хэмээн Сергей дүгнэлт хийж, байгалийн чулууны нуралт болсон байх нь уу?

Бережной мөрөө хавчлаа.

- Чамайг харахад, чи энд загас усандаа байгаа юм шиг харагдаж байна.

- Ер нь ууланд иймэрхүү чулууны нуралт болон өвөл цасны нуринга цаг үргэлж болж байдаг юм. Дөрөв өө-гэж тэр ахлах дэслэгч Никитиныг дуудав.

- Дөрөв холбоон дээр байна!

- Хүмүүс чинь бүгд буцаж ирсэн үү?

- Яг тийм.

- Овоорсон чулуу зайлуулах ажлыг салааны хүчээр зохион байгуул!

- Гүйцэтгэе!

Үлдсэн дайчдад ахмад тушаалаа станцаар өглөө:

- Болзошгүй довтолгооныг няцаахад бэлдэж бүгд байрандаа үлд! Найм аа!

- Найм холбоон дээр байна!

- Хадан цохиог хяна! Хэрэв юм илэрвэл илтгэл өгөлгүй гал нээ.

- Бид жаахан арагшаа ухармаар байна, тэгэхгүй бол пулеметийн буудлагын секторт харагдахгүй байна.

Антонов зөвшөөрч:

- Ухар даа! Гэхдээ нүдээр хянах хязгаарт байна шүү.

- Ойлголоо. Нэг ээ!

- За яах вэ, Вова минь? хэмээн Антонов Бережнойд хандаж асуув. - Цаг алдаж байна уу?

- Харин тийм, юу ч гэхэв дээ?

- Би цувааны дагуу яваад ирье, харин чи замын цэвэрлэгээ болон ерөнхий байдлыг хянаж бай, ялангуяа хадан цохион дээрх эсрэг талын ангалыг онцгой анхаарч байгаарай, тэр зүүн талынх харав уу? Тэр гараараа цохиог хоёр хуваасан хар зурвасыг заагаад. - Тэндээс, хамгийн гол нь хүмүүс хурдан буухад маш тохиромжтой байрлал байгаа юм.

- Тэгье!

Ахмад Бережной шөнийн харааны хэрэгсэл ашиглан зурвасыг, ялангуяа түүний ёроолын өмнөх бут ургасан жижигхэн талбарыг анхааралтай дурандлаа. Тэнд ч, орчин тойрныхоо адил хов хоосон, чив чимээгүй байх амой.

Тэр хооронд Никитины салааны бие бүрэлдэхүүн хоёр бүлэгт хуваагдан дуу чимээ гаргалгүй, арван таван минут бүрт солигдон ажиллаж, овоорсон чулууг цэвэрлэв.

Ахмад Антонов цувааг тойрон явж байхдаа, засварын “бүхээгтэй” МТО-АТ машины цаана ахлах ахлагч Дудашев тэвш тохойлдон, тэнгэр өөд ширтэн тамхи татаж байхыг харав.

- Казбек, чи яаж шуухан байна даа?

- Үгүй, Антон, зүгээр! Энэ бүхэн надад огтхон ч таалагдахгүй байна.

- Чи, надад таалагдаж байна гэж бодож байна уу? Эргэн тойронд үл ойлгогдох зүйлс. Энэ бүхнээс залхаж байна! Энэ цуваа, эцэс төгсөлгүй аян, уулс, эдгээр нь нэг л эвгүй байна даа. Энэ чамд хамаарахгүй ч чиний угсаа нэгтэн бол галзуу амьтад. Энэ бүхнээс залхаж байна!

- Мэдэж байна уу, Антон, би саяхан та бүхнийг худалдчихлаа шүү дээ, гэж гутарсан өнгөөр Казбек өгүүлэв. - Цуст Грект худалдчихлаа. Ийм л байна, Серёга! Яг энэ харилцуураар ярьсан, гээд ахлагч холбоо барьсан хэрэгслээ гаргаж ахмадад харуулав.

- Тийм үү? хэмээн Антон санамсаргүй тайвнаар асуув.

Тэр ахлагчтай зэрэгцэн нуруугаараа тэвш түшин зогсоод, саяхан Казбек тэнгэр рүү харж байсан шиг нүдээ дээш нь өргөв.

- Яагаад тэгэв?

- Намайг, Дашаг амралтаар нь үдэж гаргасныг санаж байна уу?

- Санаж байна.

- Тэгэхэд, Грекийн хүмүүс түүнийг барьж, барьцаанд авсан юм...

- Үргэлжлүүлж хэрэггүй, Казбек. Тэд, чамайг тэдэнтэй ажиллахыг шаардсан. Танил арга байна.

- Тийм ээ! Гэхдээ надад сонголт байгаагүй юм, Сергей!

- Бережной энэ тухай мэдэж байгаа юу?

- Үгүй. Түүнд өөрөө хэлнэ. Надад ичгүүртэй байна!

- Дуудчихъя. Би бүгдийг тайлбарлаж чадахгүй, тэгэхээр өөрөө ярь.

Антон радио холбоог залгаж:

- Тав аа! Би-Нэг байна, намайг сонсож байна уу?

- Би Тав байна, сайн сонсож байна!

- Зургаа дээр ир, яриа байна!

- Хүлээж авлаа! Холбоо төгсье.

Хормын дараа Бережной ирлээ.

- За, танай энүүгээр юутай байна?

- Энэ Казбекийн ярихыг сонс, би дотогш орж тамхиа татаж байя.

Антонов засварын бүхээгт орлоо.

Казбек даргадаа өөрийгөө босогчдод хэрхэн элссэн тухайгаа тодорхой ярьж өглөө.

- Над дээр ирдэг тэр хүмүүс ч, ням гарагт төмөр замын буудал дээр уулздаг хүн ч, энэ бүхэн Гректэй холбоотой байсан юм.

Владимир анхааралтай сонсох бөлгөө.

- Цааш нь?

- Дараа нь би бааз дээр тэдний хүнээр, гуталчнаар, дамжуулан тэдэнд ачаа манай цуваагаар явна гэдгийг мэдээлж, Дашаг өнөө өглөөний дөрвөн цагт ангид буцааж хүргэх болзол тулгасан юм. Ингэхгүй бол энэ бүхнийг удирдлагад илтгэж цувааг зогсоох болно гэсэн.

Владимир ийнхүү асуулаа:

- Дашаг чинь буцаасан уу?

- Тийм! Би баталгаатай мэдээ авсан.

- Яаж тэр вэ?

- Энэ гар утсаар! Би Антонд түрүүн үзүүлсэн, Гректэй үүгээр холбоо барьдаг юм, гэхдээ зөвхөн тэр л над руу залгаж болно.

Ахмад сэтгэл хангалуун өгүүлсэн нь:

- Буцааж авсан гэдэг чинь ч том хэрэг шүү.

Бережной утсыг хяламхийн хараад:

- Сансрын холбоо юу?

Тэдэн рүү Антон бууж ирэв.

- За, яасан ах дүүс минь? Юу гэж шийдэв дээ? гэж тэр асуув.

- Хүүхдүүд ээ, хэмээн Казбек эхлэн өгүүлээд, энд шийдээд байх юм байхгүй! Бүх юм ойлгомжтой. Хороо руу хурандаад илтгээд, цувааг эргүүл, харин намайг... Антон ! Мэргэн буучийн хараа хүрэх зайнаас винтовоор буудахыг гуйя. Шившиг болмооргүй байна! Антон, тэгэх үү? Дашад урвасан тухайгаа мэдэгдмээргүй байна, тэгэх үү? Гуйж байна ш дээ, хүүхдүүд ээ!

Сергей ахлагч руу харлаа.

- Тэгэхээр чамайг зүйл дуусгах хэрэг үү?

- Тийм!

- Энэ бүхний дараа чи... тонил, ойлгов уу?

Дудашев өгүүлсэн нь:

- Гэхдээ би та нараас урвасан шүү дээ, хүүхдүүд ээ! Худалдагдсан цөөвөр адил үхвэл таарна. Мэргэн буучаар буудуулахыг гуйж байна, Даша минь жирэмсэн миний оронд хүү, эсвэл охин минь амьдраг л дээ, ойлгооч дээ. Эцэг нь урвагч биш, тулаанд унасан юм гэж мэдэж, амьдарцгааг л дээ. Үүнийг намайг бодоод хийчих л дээ, эрчүүд ээ! Өөрсдөө ч амьд үлд.

Ахлагчийн үгийг Бережной тасалж:

- Амаа тат, Казбек! Дахин давтан, бууд урвагчийг гээд л. Чи ямар мөнгөний төлөө худалдагдаа юу? Үгүй бол ямар нэгэн эд баялгийн төлөө юу? Чи хүний амь насыг аварлаа. Чамайг гарцаагүй ийм зүйл хийхийг албадсан л байна шүү дээ. Өөр хүн байсан бол дуугарахгүй байсан байх, харин чи... Яахав, нэг сайн тоос манаргаа л биз. Хэрэв Вератай ийм зүйл тохиолдсон бол намайг өөр зүйл хийх байсан гэж чи бодож байна уу? Яг л ингэх болно! Антонд онцгой санаа байж болох юм, миний хувьд цаг байгаа дээр аяны чиглэлдээ дүгнэлт хийцгээе гэж санал болгох байна. Хаана биднийг дайрч болохыг тодруулахыг оролдоцгооё. Гол нь тулаанд бэлтгэлтэй орж, тэдэнд хэн нь хэн болохоо үзүүлцгээе! Бид ч бас нусгай жаалууд биш, тулалдаж чадна. Антон, юу хэлмээр байна?

Сергей хариу ийнхүү хэллээ:

- Нэгд, надад ямар нэгэн онцгой санаа бодол алга. Бережнойтой санал нэг байна. Энэ ажиллагаа эхнээсээ л надад таалагдахгүй байсан юм. Энэ тухай ч би ярьсан. Дахиад ч хэлье! Харин Грекийн тухай март, Казбек минь! Юу ч байгаагүй, ойлгов уу? Ямар ч урван тэрсэлт байхгүй, цэг тавь. Гүйцээ!

- Баярлалаа, хүүхдүүд ээ, хэмээн хэлэхдээ ахлагчийн хоолой чичирхийлэв.

- За, бас чиний нус нулимс дутаж л гэнэ, биеэ барь хэмээн Антон албаар ахлагчид бүдүүлгээр хандан өгүүлсэн нь энэ үед тэгэх шаардлагатай байснаас болсон амой.

Засварын бүхээгт ороод, Антон асуусан нь:

- Володя, чи газрын зургаа авч яваа юу? Минийх цүнхэнд, сум үл нэвтрэх хантаазтай хамт үлдсэн.

- Минийх биед маань байна, чи хаа таарсан газраа хаядаг чинь яаж байгаа юм вэ, энэ чинь нууцын материал шүү дээ.

- Хаа тарсан газраа биш ээ, харин ч машиндаа үлдээсэн, нууцын хувьд тэнд хязгаарын цаана л байх!

Бүхээгт газрын зургаа дэлгэцгээв.

- Тэгэхээр бид яах болж байна вэ? хэмээн Антонов бодлогошрон өгүүлэв.

Антоновыг цагийн байдлыг дүгнэж байхад хэрэв өөрөө биечлэн байсан бол хашир туршлагатай Грек яасан их гайхах байсан бол оо. Сергей дайсны болзошгүй ажиллагааны хувилбарыг шууд тал бүрээр задлан шинжилж, довтолгоо хийж болзошгүй байрлалыг яг тодруулан заах төдийгүй Хагархай цохионы дэргэдэх талбарт ажиллагааг дуусгахын тулд шууд дайрахаар хүчээ хуримтлуулах болно гэдгийг ч өгүүлэх бөлгөө.

Энэ юу вэ? Тохиолдлын хэрэг үү? Уулархаг нөхцөлд дайн тулаан явуулах ур чадвар, үзэл баримтлалын давхцал уу? Үгүй бол Грекээс дутахгүй баялаг туршлага ахмад Антоновт байна уу? Цэргийн дүрэм журмыг зөрчигч, танхай тэрбээр сайн бэлтгэгдсэн, овжин ухаантай, тооцоотой офицер хэрэг үү? Энэ бүхэн нэгэн биед цогцолсон байж болох уу? Юутай ч ахмад Антонов, үнэндээ энэ тухай хардах ч үгүй байсан, чечень даргын санаа бодлыг тааж чадсан амой.

- За тэгэхээр, хүүхдүүдээ, онолоор бол “чех”- үүд ингэж л ажиллах ёстой доо. Тэд хаа нэгтээ давааны цаана бидний зэргэлдээ явцгааж, биднийг хонь шиг л хариулж байна. Энэхүү чулуу нураасныг тооцохгүй бол шүү. Харин тэр бол “чех”-үүдийн цаг хожиж биднээс түрүүлэх гэсэн л арга. Хагархай Цохионы дэргэдэх талбараас өөр бүрэн төгс отолт хийх газар тэдэнд байхгүй! Хэрэв би тооцоолохдоо алдаагүй л бол дайсантай нүүр тултал хоёроос гурван цаг үлдээд байна. Энэ нь өглөөний долоо, найман цагийн орчим болох хэрэг явдал. Довтлоход хамгийн тохиромжтой цаг. Бидний хувьд хамгийн аймшигт цаг. Бид зөвхөн харьцангуй задгай газар гарах төдийгүй, бүх юм ард үлдлээ гэсэн тайвшрал бүхнийг эзэмдэх болой. Өглөө, суурингаас холгүй байх талбарт угтан ирэх хүчийг хүлээн, өглөөний цайгаа ууцгаана. Яг тэр мөчид цохилт өгөх бөлгөө. Аймшигтай юм ч болно доо! Володя, чи энэхүү байлдааны байрлалын талаар юу бодож байна даа?

- Чиний дүгнэлттэй санал нэг байна!

- Миний санал та нарт чухал байна гэж үү? хэмээн Дудашев асуулаа.

- Чи тэгээд нөгөө талд орохоор завдаж байна уу?

- Үгүй л дээ, гэхдээ л... Дараа нь тэгээд...

- Би чамд март гэж хэлсэн биз дээ! хэмээн Антон дуугаа өндөрсгөв. - Володя, ямартаа ч ахлагч чиний цэрэг болохоор, чи л наадахаа тайвшруул!

- Казбек, чамайг үүргээ биелүүлэхийг би тушааж байна! Юу ч болоогүй. Антоны асуултанд хариул!

- Тийм! Би ч гэсэн, цувааг энд л Грек довтолно гэж тооцоолж байна! Харин Сергей чиний дурдсан суурин бол энгийн нэгэн аул биш. Энэ бол Грекийн төрсөн нутаг Артум- кале байгаа юм. Энд тэр төрж өссөн юм.

- За ийм байдаг байх нь ээ? Энэ ч үнэтэй мэдээлэл байна. Тэгэхээр түүний төрөл төрөгсөд аулд олон байдаг байх нь уу?

- Мэдээж!

- Гайхалтай! Товчхондоо, ах дүү нар минь, угтан ирэх хүчинтэй бид талбарт уулзахгүй л болов уу гэж зөгнөж байна. Биднийг албаар хоёр цагийн өмнө замд гаргасан нь цаг хожиж отолтонд бэлдэх, дараа нь дайран эзэлж, ачааг булаан авах л зорилготой байж. Иймээс цагийн дараа гармаар гарч десантчидын харуул дээр очоод, энэ хүртэл ямар нэгэн зүйл тохиолдохгүй бол, би цувааг зогсооно. Тэнд уулын бэлээр боломжоороо нууцаар тагнуулын бүлэг илгээгээд, хурдыг байж болох хэмжээгээр бууруулж аяллаа үргэлжлүүлнэ. Гүйцээ! Байр байрандаа! Казбек, битгий унжийгаад байгаарай! Чамтай чамгүй мөрдсөн дээрээ том одтонгууд биднийг худалдчихсан байна, эхээ алдмарууд, сэтгэл тайван бай! Энэхүү урван тэрслэлтийг зохион байгуулагч болоод жинхэнэ мэдээлэгчийг нууцлахын тулд чамайг зүгээр л золиосолж байгаа юм! Чи одоо цувааг зогсоосон ч, дараа нь арай хожуухан бид биш ч хэн нэгнийг энэ малууд тэртэй тэргүй зэвсэг ачуулан, өөрсдийн ашиг сонирхлын төлөө босогчид руу илгээх л болно! Казбек минь, чи яасан ч урвагч биш! Энэ хараал идсэн ДАЙН, түүнийг дэмжигч хэн бүхнийг, бүдүүлэг хэллэгийг минь уучлаарай, бид бүгдээрээ цаг үргэлж газрын гаваар ороосой гэж харааму! Явцгаая!

Офицерууд байр байраа эзэлж, цуваа 6:50-д овоорсон чулуун дундуур гаргасан замаар, 25 км/цагийн дундаж хурдтайгаар, юутай нүүр тулан учрахаа үл мэдэн хурдаллаа. Тэднийг угтан хөгшин буурал хавцал өөрийн энгэр бэлийн бачуухан орон зайг дэлгэн угтах амой.


Top
   
PostPosted: Sep.21.17 9:40 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цаг орчим явж 25 километр зам туулаад, 7:45 -д толгойн сэргийлэх БРДМ нурсан гүүрийн дэргэдэх усны гарам руу хүрч очлоо. Энд тэд десант шүхрийн хүч нэмэгдүүлсэн салаа бүхий хорооны хянах бүлэгтэй уулзав. Бүлгийг сайтар зэвсэглэж, тулгуурт байрыг тоноглон төхөөрөмжилсөн ажээ. Дөрвийн зэрэг десантын байлдааны машинтай агаад гурвыг нь ноёлох өндөрлөгүүдэд байрлуулж, өвөрмөц бэхлэлтэт цэг байгуулан бэхлэн хамгаалсан амой. БМД буюу десантын байлдааны машиныг нуувчинд байрлуулсан нь галын хүчтэй цэг болсон агаад эргэн тойрны харагдах хэсгийг өөрийн хурдан буудлагат их буу болоод хосолсон пулемётын галаар галлах боломж бүрджээ. Цэг рүү хүрч очих гол замын ойр орчмын талбайг минажүүлсэн нь түүнийг, лалын дайчдын томоохон бүлэглэлийн явах зам гарцын эсрэг чухал халхавч болгон хувиргасан байв.

Салаан захирагч Антонов руу ирж, танилцуулав.

- Харуулын дарга гвардын ахлах дэслэгч Виктор Панин.

- Цувааны даргын үүрэг гүйцэтгэгч ахмад Сергей Антонов хэмээн түүнд Антон хариулав.

- Сайн явж ирсэнд чинь танд баяр хүргэе, нөхөр ахмад. Харин цувааны дарга хаана байгаа юм вэ? Хошууч байх аа?

- Тэр надад бүрэн эрхээ шилжүүлсэн юм, тэгээд ч энэ бол түүний анхны аян байгаа юм. - гэж Сергей тайлбарлав.

- Ойлгомжтой! Танай ангид тэр ямар албан тушаал хашдаг юм вэ?

- Штабын дарга.

- Ойлголоо. Бодит нөхцөл байдалд дадлагажиж байгаа юм биз дээ? Хүн бүр зургаар байлддаггүй л болов уу?

- Яг тийм шүү!

- Техникүүд чинь зүгээр үү? гэж ахлах дэслэгч асуув.

- Бүгд хэвийн!

- Бид та нарыг арай хожуухан ирнэ гэж хүлээж байсан юм, Та нарыг гарсан гэж хорооноос урьдчилан сануулсан нь сайн юм боллоо. Тэгээгүй бол хоёр өндөрлөгөөс галлаж угтах байлаа ш дээ!

- Тийм үү, бидэнтэй тийм зүйл багахан л тохиолдоосой билээ.

- Энэ ч үнэн шүү!

Антонов ийн асуулаа:

- Витя, чиний харуул суурин уу, хөдөлгөөнтэй юу гэдгийг надад хэлээч?

Десантын офицер инээмсэглэв.

- Хосолсон, ер нь бол суурин л даа, гэхдээ гурваас таван километр тойргийн доторх газар оронд эрэл хайгуул, тагнуулын ажиллагаа явуулдаг юм.

- Хагархай Цохионы дэргэдэх талбар руу явсан уу?

- Явах нь ч явсан, гэхдээ цөөхөн дөө. Голдуу жигүүр болоод ар талаар нь, юу гэж?

- Тэнд ямархуу байна?

- Зүгээр дээ! Хаа сайгүй байдаг шиг л. Энд амралт сувиллын газар байдаг юм. Чимээ аниргүй, нам гүм газар.

- Сүүлийн үед сэжигтэй зүйл ажиглагдаагүй биз?

- Өмнө нь ч, сүүлд ч ажиглагдаагүй! Тэгээд ч саяхан даа, яг тэр талбарт манай тагнуулын рот ажиллагаа явуулсан. Энэ замаар бараг явдаггүй юм. Хааяа л Артум-Калегийн аулын оршин суугчид ойролцоох аул руу явахдаа явдаг зам. Гэхдээ ихэвчлэн хөгшид, хүүхэд эмэгтэйчүүд л явдаг юм.

Сергей дахиад асуулт асуулаа:

- Тэгэхээр, чиний тагнуул өнгөрсөн шөнө гараагүй гэсэн үг үү?

Л7Т

- Өнгөрөгч шөнө үгүй.

- Ойлгомжтой.

- Ахмад аа, юунаас болгоомжлоо вэ?

- Витя минь, чамд юу ч гэж хэлэх юм билээ дээ? Бүх юм дэндүү амархан бүтээдэг байдаг.

- За тэгээд! Энэ бүхэнд баярлах хэрэгтэй юм биш үү?

- Буцах замдаа орсон тэр цагт л баярлая. Бидний хамгийн гол ажил өмнө минь байна шүү дээ.

Десантчин санал нэгдэж:

- Тийм шүү! Та нарыг алба ч бас атаархаад байх алба биш. Бид “чех”- үүдийн хойноос уулаар хөөгөөд л, та нар тэднээс бултаад л. Энд тэндгүй дайн тулаан. Бид ямар байдагтай адил, та нар ч тийм л байдалд байх юм даа!

- Витя, чи үнэнийг хэллээ. Харин ийм асуултанд чи надад юу гэж хариулах бол? Намайг хавцалд орохоос өмнө өөрийнхөө тагнуулын бүлгийг тийш нь явуулж болохсон болов уу? Одоохон шууд хоёр талын энгэр бэлээр самнуулмаар байна. Үүний зэрэгцээ сүүлийн гурван өдөр чиний харуулыг дайсан нууцаар гаднаас чинь хянаж болзошгүй талаар тооцож үзсэн үү?

- Тэгэхээр яах вэ? Чи цувааг цаг гаран саатуулан барьж чадах уу?

- Чадахгүй! Хорин минут л саатуулж чадна, тэгэхгүй бол аяны хуваариа зөрчих гээд байна.

Хорин минут хангалтгүй хугацаа. Энэ хугацаанд тагнуулчид уулын энгэр бэл өөд авирч амжихгүй. Тэгэхээр. Бодъё! Бид дараах үйлдлийг хийхээс. Тээр “Газ-66”-г харж байна уу? гээд ахлах дэслэгч урагдсан бүрхүүлтэй, нэлээд элэгдэж хуучирсан машиныг заагаад, Энгэр бэл бүрд гурав, нийт зургаан дайчдыг тэгшин дээр чимээ аниргүйхэн үсрэн гарах тушаал өөрийнхөө тагнуулчдад өг. Хэрэв биднийг анхнаасаа хянаж байсан юм бол тэнд өөрийнхөө арван залууг ил суулгая. Тэд, миний галын цэг бус, хөдөлгөөнт хэрэгсэл болгон ашигладаг чөлөөтэй байгаа БМД-ны халхалт дор хавцлаар явна. Талбарын зүг явж, гурван километр ойртоод зам руу шахсан “ногоон бүс”-д хүрч десант буулгаж бэл өөд ухасхийн дайрна. Тэнд цагийн байдлыг дүгнээд, салцгаая. Танайхан цаашаа явж, манайхан буцаад ердийн самнах ажиллагаагаа эхэлнэ. Зөвхөн чиний хүүхдүүд туйлын болгоомжтой явах хэрэгтэй шүү. Харин босогчдын хувьд чиний зөв байсан шүү, тэд чамайг тэдний байрлалд ормогц алдчихгүйн тулд нэг их холгүй замыг чинь бүслэн хаах болно. Тэнд л чиний хүүхдүүд алдаа гаргачихгүй л байгаасай! Эхэлж л “чех”- үүдийг харах хэрэгтэй. Энэ бүхнээс ажиллагаа чинь эхэлнэ! Хэрэв юм болбол намайг дуудаарай, миний дуудлага “Крым”, заавар энэ тэр яахав би ар талаас чинь бүслэн хаасан хаалтыг нөөц хүчээрээ цохиж чамд тусална! Чиний ухрах замыг цэвэрлэж өгнө! Ахмад аа, харамсалтай нь үүнээс илүү юм хийж чадахгүй нь!

- Витя, энэ бүхэнд чинь баярлалаа!

- Зүгээр дээ.

- Би одоо засварын машины “бүхээг” рүү очлоо, чи над руу Веселовыг хурдхан явуулчих, тэгэх үү?

- Гүйцэтгэе!

Десантын эрэлхэг офицер, нэг хорооныхон болох цувааны хамгаалалт болон харуулын цэгийн дайчид уулзан бөөгнөрөх олны дунд оров.

Хэдхэн минутын дараа Веселов МТО-АТ машины засварын бүхээгт мацан орж ирэв. Түүнд үүрэг өгөхөд мөн төдий хирийн хугацаа орлоо. Дараа нь машин техникээ цуваанд анх жагссан журмаараа жагсахыг тушаасан нь талбарт гарах аяны сүүлчийн хэсэгт үндсэн хүчээ ар талдаа барьж байх нь тохиромжтой байсанд болой. Тэгээд ч цувааг хэд хэдэн удаа өөрчлөн журамласан нь лалын дайчдыг үл ойлгох, төөрөгдөлд оруулах билээ. Зэвсэг ачсан машиныг тэд устгаж чадахгүй агаад энэ бол тэдний зорилго, олзлох олз нь болой! Эдгээр машины алинд нь энэхүү зэвсэг ачигдсаныг тодорхойлох гэж оролдоод үзэг!

Антонов цувааны хөдөлгөөнийг ажиглан хянаж байж болзошгүй гэж зөгнөсөн хэлсэн нь үндэслэлтэй байлаа. Харуулын цэгийг Расулын хүмүүс сүүлийн хэдэн өдөр ажиглан хянаж байлаа. Уг хянах цэгт түүний үеэл Саид хоёр цэргийн хамт хяналт зохион байгуулж байгаа болой. Цуваа гарч ирэхийг хараад Саид, Грекийг холбоогоор дуудаж:

- Грек! Саид холбоо барьж байна!

- За юу болов?

- Оросын цуваа гарман дээр ирж байна. Харуулын цэг дээр зогслоо. Бууцгааж, хэн хүнгүй ийш тийшээ таран хэсүүчилж байна.

- Офицерүүд нь хаа байна?

- Бөөгнөрсөн олны дунд л байх шиг байна.

- Сайн байна. Цааш нь ажигла! Ямар нэгэн өөрчлөлт гарах юм бол надад илтгээрэй!

- Ойлголоо, эзэн минь!

Лалын дайчдын дарга аяга цай ууж амжаагүй байтал, түүнийг дахин холбоогоор дуудлаа.

- Грек! Дахиад би, Саид байна!

- Яриач!

- Десантчид ачааны машиндаа арван цэрэг суулгаад, хуягт машин дагалдуулан хавцлын зүг замаар явчихлаа.

- Чамайг ойлголоо! Тэдний араас өөрийнхөө хүмүүсээс илгээ. Өөрөө цувааг биечлэн ажигла!

- Мэдлээ!

- Цөөврүүд. - хэмээн Грек хилэгнэн дуу алдаад. - Талбар хүртэлх замыг тагнахаар шийдэж байх шив? Гэтэл замд нь Расулын хүмүүс хориглолтын зааг бэлдэж байгаа. Яг замын дэргэд шүү. Тэдэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй юм байна!

Грек захирагдагчаа холбоогоор дуудлаа.

- Расул аа? Грек байна!

- Грек, чамайг сонсож байна?

- Чиний ажил хэрэг ямархуу байна?

- Байрлалаа тоноглож дуусаж байна!

- Болгоомжтой байгаарай, гарамнаас чиний зүг БМД-2 болон “ГАЗ-66”-тай десантчидын арав орчим хүний бүрэлдэхүүнтэй тагнуулын бүлэг гарсан шүү.

- Би ойлголоо! Хэрэв гурав дөрвөн километрээс цаашаа явахгүй бол энэ нь харуулын даргын хийж буй ажил. Манай ах гарамны дэргэдэх харуулыг ажиглаж байх энэ хугацаанд офицер нь ийм бүлгүүдийг янз бүрийн чиглэлд илгээж байсан юм. Би урагш нь харуул гаргаж, гяурууд ямар маневр, арга мэх хэрэглэж байгааг харъя.

- Сайн байна, Расул! Чиний шийдвэрийг сайшааж байна!

Хагас цагийн дараа Расул, тагнуулчид харуулын цэгээс гурван километр орчим яваад зогсож, десантчидаа буулган, гинжинд тарааж, газар орныг самнан буцаж буйг илтгэв.

- Тэгэхээр бүх зүйл хэвийн, Грек! Энэ десантчидын дарга захирагсаддаа үргэлж ингэж ачаалал өгч байдаг юм. Цаг үргэлж өөрийнхөө цэргүүдийг зүгээр байлгалгүй, ингэж уул хадаар элдэж байдаг юм, энэ офицер.

Дээрэмчдийн толгойлогч ийн асуув.

- Энэ бүхэн цуваа ирсэнтэй холбоогүй гэж чи бодож байна уу?

- Шууд холбоотой гэж бодохгүй байна! Цувааны дарга десантчидаас ойрын зайн тагнуул гаргахыг гуйсан байж магадгүй л юм, тэгээд л өөртөө хүндрэлгүйгээр ердийн байдлаараа гаргаж буй нь тэр байх, тэгээд ч тэдний рот эндхийн газар оронд дөнгөж саяхан үзлэг хийсэн шүү дээ.

Грек захирамж өгч:

- Сайн байна, Расул! Байрлалаа тоноглож дуусга.

- Би харуулаа буулгах уу?

- Жаахан хүлээ, эрхэм минь! Чиний ахын хүмүүс десантчидтай уулзаг, тэр үед л буулга. Энэ тухай би чамд мэдэгдэх болно. Буруу номтны ухаан санаанд орохгүй юм гэж байна уу?

- Ойлголоо. Холбоо барихыг хүлээж байя! Дуусгая!

- Дахин холбогдтолоо, Расул!

Саидын хүмүүс харуул руугаа буцан ирж буй десантчидын гинжинд тархсан жагсаалыг хараад, уулын нурууны цаагуур тэднийг тойрон гарч, зам руу бууж ирээд даргадаа илтгэв.

- Саид! Тагнуулчид буцаж ирж байна! Бүрэн бүрэлдэхүүнээрээ! Тэднийг дөнгөж саяхан тойрч гараад байна! Зам эль хуль байна!

- Та нарыг ойлголоо, Расул руу оч!

- Гүйцэтгэе, Саид!

Хоёр чечень эр хос чоно адил тал бүр тийшээ хяламхийн харсаар, Саидын отолтын байрлал орших баруун гар талын хамгийн налуу энгэр бэл өөд зүглэлээ. Харин ажиглагч Саид өөрөө цуваа харуулыг орхин хөдлөхийг харсан гэрч болж үлдээд, хавцлын зам руу бууж БМД болон “ГАЗ-66”-г өнгөрөөгөөд, энэ тухай Грект илтгэж, цувааны үндсзн хүч болох десантчидын салаа сүүлээсээ хоёр дахь машинд суусан учир шалтгааны талаар санал солилцов.

Саидын илтгэлийг хүлээн аваад нэгдсэн бүлэглэлийн удирдагч Расултай холбоо барив.

- Харуулаа буулга, дүү хүү! Нуугдагтун! Удахгүй цуваа хажуугаар чинь өнгөрнө.

- Ойлголоо, Грек! Гүйцэтгэе!

Веселовын тагнуулчид хоёр энгэрээс нэгэн зэрэг илтгэлээ.

- Зэвсэглэсэн хүмүүсийг харцгааж байна!

Лалын цэргүүд бэлдсэн нуувчиндаа ердөө ганцхан хором л хожимдож нуугдав.

Антонов тагнуулчдыг хэр олон хүн харсныг асуув. Түүнд, гуч орчим гэсэн хариу өглөө. Ахмад ийн асуулаа:

- Босогчдоос цуваа хүртэл ямар зайтай байна? Бид ойролцоогоор та нарыг десантчид буулгасан тэр газар ирээд байна.

- Тэгвэл километр орчим зайтай байна, гэхдээ зам хоёр ч газар тохойрсны улмаас одоохондоо “чех”- үүд машиныг харж чадахгүй байгаа байх!

- Тэгэхээр! Тагнуулчид буцаж ир! Цуваа зогс! Хоёр дахь машины жолооч дугуйгаа сольж байгаа дүр үзүүл. Машины ахлаач, Никитин, Веселов нар МТО-АТ засварын машинд цуглар! Хурдлаарай!

Удирдах бүрэлдэхүүн цугларч, өөрчлөгдөж буй цагийн байдалд дүгнэлт хийж:

- Нэгд бид эргэж, зайлан явж чадахгүй. Энэ нь шууд л ухран зугтсан хэрэг болой. Байрандаа үлдэж, тусламж хүлээнэ гэдэг өөрсдийгөө үхлийн цалманд хаяж буй хэрэг. Нисэх хүчин энд идэвхтэй ажиллагаа явуулж чадахгүй, цувааг оролцуулаад бүгдийг нь үнсэн товрог болгох болно. Угтан ирэх ротын замыг хааж бэхэлсэн байгаа, харин биднийг уулын энгэрээс ятуу адил буудан намнах болой.

Тэгэхээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхээс өөр арга алга. Замын хажууд нуугдан хэвтсэн босогчдыг “хараагүй” юм шиг өнгөрцгөөнө. Энэ бол бидний ар талыг хааж байгаа дайсны хүч юм. Харин энэ ар тал бидэнд хэрэггүй! Тэгээд ч шаардлага гарвал энэ бүлэглэлийн учрыг десантчин залуус олно, тэдний дарга нь туслахаар амласан, нисэх хүчин энд бүгдийг нь тоос шороотой нь хутгаад хаячихна. Бидэнд талбар руу гарч, дайсныг өөрсдөө дайрахаас өөр сонголт үлдсэнгүй.

Түүний үгийг Бережной тасалж:

- Гэхдээ чи өөрөө, цувааг устгахад хамгийн тохиромжтой байрлал бол талбар гэж хэлээгүй бил үү? Харин одоо болохоор бүр эсрэгээр нь батлан яриад байна уу даа? Би чамайг ойлгохгүй л байна шүү, Антон!

Сергей газрын зураг руу зааж:

- Үүнийг хар! Уулын энгэр бэл болон Хагархай Цохионы ойролцоо “чех”-ийн галын цэгүүд байрлаж байгаа. Тэд ачааг булаан авах гэж дайралт хийхээс өөр арга байхгүй, тиймээс дайрахын тулд ууланд барьсан тулгуурт байр нь доод бэлд оршиж байх ёстой. Талбарт гарахын өмнө би шууд агаарын дэмжлэг дуудах болно. Байндаа хүрэхийн тулд тохиромжтой тэр байрлалаас биш ар талаас нь, Цохионы араас зенитийн төхөөрөмжийн дулааны цэнэгт сумаар галлахыг урьдчилан сануулна. Бидний бай Хагархай Цохио болон талбар тийш хандсан түүний тал, уулын хоёр энгэрийн доод бэлнээс дээш хорин метрээс эхлэх болой. Үл залагдах тийрэлтэт сумны бөөгнөрсөн галаар цохилт өгүүлнэ. Дараа нь Артум-Калегийн зүг зайлан гарах болно. Тэнд хүчээ дэлгэж, мөнөөх бай руу пулемётын галаар галлаад дахиад орно. Суурингаар дамжин хилийн зүг сүүлийн гаралтаа хийх болно. Юу вэ гэвэл одоохондоо Грек болон түүний дарга нар цуваа ирэхээс өмнө агаарын цохилт ирнэ гэж огтхон ч бодохгүй байгаа. Энэ бүхэн тэдний төлөвлөгөөгөөр цувааг бут цохиж ачааг булаан авсны дараа болох агаад тэд манай “эргэлдүүр”-үүдийг нягтарсан бөөний галаар угтахаар төлөвлөж буй. Харин тэд биднийг үзэгдэхээс өмнө “стингер” болон “стрелы”-гаа хэрэглэхээр уутнаас нь гаргахгүй. Ингэснээр бид тэдний эгнээн дэх нэгдсэн удирдлагад хохирол учруулж, дахин зохион байгуулалт хийх тухай ярих гэхэд сахалт “чех”-үүдийн талаас илүүг нь устгасан байх болно. Харин бид энэ үед хөдөлнө. Машины хөдөлгөөнөөс болон нисэх хүчний цохилтын улмаас боссон тоос шороо манарах уулын энгэр рүү ар тал дахь БРДМ-үүд таамгаар галладаг. Өөрөөр хэлбэл цагийг нь олж тэднийг шатаах болой. Харин цувааны түрүүнд зенитийн төхөөрөмж бүхий “КамАЗ” явна. Эхлээд бүрхүүлээ авалгүй явж байгаад, явцын дунд авч, цохио болон цуваа шахаж орох зүүн уулын энгэрийг буудна.

Жолооч нар болон зенитийн тоотоос бусад бүх бие бүрэлдэхүүнийг нэг анги болгон десант буулгаж зүүн энгэр рүү давшин давж, Артум- Калегийн аулд нэвтрэн орох болно. Машин болон БРДМ-үүд огцом эргэж баруун гараа барин өмнөөс ирж буй хүчийг угтан, баруун талын зам руу нэвтрэн орох болно. Энэ маневраараа бид босогчдын цэргийн удирдлагын өмнө сонголт хийх шаардлага үүсгэж байгаа юм. Нэг бол сууринд манайхныг нэвтрүүлэхгүйн тулд явган цэргийн анги руу үлдэгдэл бүх хүчээ хаях, үгүй бол талбараас гарах замд техникүүдийг эзлэн авахыг оролдох. Талбараас, биднийг угтан ирж буй роттой холбоо барьж яаравчлан ирэхийг хүсэх болно. Миний хувьд ийм л байна!

Бережной андаа төнхөж:

- Тийм ээ, Антон чи амаараа ч Кутузовоос дутуугүй юм байна. Үүнийг ч энд, түүнийг ч тэнд гээд л. Их л идэрхэг байна!

- Илүү сайныг санал болгоо ч дээ! Энэ чинь ердөө л миний цагийн байдлын үнэлж, түүнээс гарах гаргалгаа. Өөр ямар санал байна, нөхөд офицерууд аа? Цаг уяхгүй байхыг хүсье.

- Би ахмад Антоновын төлөвлөгөөг дэмжиж байна, хэмээн Бережной саналаа хэлэв.

- Өөр хэнд санал байна?

Бусад офицерууд ч Антоныг дэмжлээ. Ахмад Крамаренко өөд харав. Тэрбээр ийн өгүүллээ:

- Би Антоновтай санал нэг байна! хэмээсэн нь бусдын хувьд гэнэтийн үг байлаа.

Крамаренко бусдын санал бодлыг ховорхон хүлээн зөвшөөрдөг агаад харин ч цагийн байдлыг дүгнэсэн өөрийнхөө дүгнэлтийг цорын ганц үнэн гэж хүлээн зөвшөөрүүлэхээр бусдыг шахдаг хүн билээ. Харваас, түүнийг өнөөгийн байдалд ихэрхүү занг нь эрүүл ухаан нь давамгайлсан бололтой.

- Тэгэхээр, ингэж шийдлээ! гэж цувааны дарга шийдвэр гаргаад. - Бүгд байраа эзэл, цуваа урагшаа!

Бүх зүйл амжилттай болох боломжтой байсан ч цувааны тагнуулчдын бүлэг санамсаргүй тохиолдлоор илчлэгдчихэв. Расулын бүлгийн байрлалд ойртон ирж байсан Саидын хүмүүс тэднийг илрүүлж, тэр дор нь даргадаа илтгэв. Тэр ч туршлагатай тагнуулыг заагдсан чиглэлд илгээж, тэр нь ч дайсны бүлэг цувааны хүмүүс дээр нэмэгдэн ирэхийг илрүүлсэн тухай мэдээ авчирлаа. Энэ тухай дарга нэн даруйхан Грект илтгэв.

“Цөөвөр! ” хэмээн дээрэмчин уураа дарж ядан хэлэв. “Казбек муу малаас гарцаа байхгүй дээ? "Хэрэв тэр биш бол, цувааны удирдлага гэнэт болгоомжлон тагнуул гарган эрэл хайгуул хийлгэж, цувааг нэвтрүүлэх байрлал эрэх шийдвэр гаргахгүй байх байсан, үүнийг өөрөөр яаж тайлбарлах билээ? За тэгж л бай, хараал идсэн гяур! Би чиний арьсыг хуулнаа, амьдаар нь хуулна... Тэгэхээр тав дахь машинд багаар хэлэхэд халхлалтын салаа цэрэг байх нь ээ. Тэднийг явгалж тулаанд орохоос нь өмнө устгах хэрэгтэй юм байна. Гэхдээ, яагаад дайснаа илрүүлсэн мөртлөө цуваа урагш хөдлөв? Түүнийг, Грекийг дутуу үнэлж, салаа цэрэг болоод бусад бие бүрэлдэхүүний тусламжтайгаар тулааныг сунжруулж угтан ирэх ротын тусламж болоод өөрийн хүчиндээ найдаж байна уу? Үгүй бол түүнд, Грект өөрт нь гэнэтийн санаанд оромгүй зүйл бэлдэв үү? Тэр бодол болж, хариу олохгүй л байлаа. Гэвч ямар нэгэн зүйлийг өөрчлөх цаг хугацаа байсангүй. Нэн даруй ажиллагаа эхлэж, өрсөн цохилт өгч цувааны үндсэн халхлах хүчийг устгах хэрэгтэй байв. Тэр өөрийн хөлсний цэргийнхнээс нэгийг нь дуудав.

- Рутор! Хоёр хүн болон гранатометаа аваад тэдэнтэйгээ цувааг угтан хавцлаар урагшил. Тэднийг хядаад өг!

- Юу шатах хэрэгтэй билээ?

- Тав дахь “КамАЗ”, техникийн цоожинд яваа засварын машин, болоод ар талын сэргийлэх БРДМ. Чи энэ бүхнийг хэрхэн хийх нь чиний асуудал, юутай ч хараал идсэн энэ цувааны ар талыг тас цохь. Галан тамаас гарч чадсан болгоныг автоматаар шүршиж гүйцээ, эсвэл гранат шидэж устга!

- Мэдлээ, эзэн минь!

Эстоны хөлсний цэрэг Рутор өөрийн нутаг нэгт хоёрыг дуудав. Товчхон үүрэг өгөөд, тэдэнтэйгээ талбарыг орхин явцгаав. Харин цуваа хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байв. Үхлийн өөдөөс, тулааныг угтсан хөдөлгөөн байлаа.

Мөнхийн алдраа мандуулахаар урагшлан давхицгаав.


Top
   
PostPosted: Sep.21.17 1:47 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
сайхан залуус, тэгэхдээ яагаад ч юм хайр дурлалын хувьд бүгд асуудалтай юм даа, энэ томилолт бол ердөө урхи л байх гэж бодогдоод бх юм


Top
   
PostPosted: Sep.21.17 2:25 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
уншаад дуусчлаа гээд коммент бичтэл бас зөндөө орчихож, гялалзуулж бна шүү , Сөөрфөр өө, энэ Сергеи ямар мундаг юм бэ, би ч ямар цэргийн тактик мактик мэдэх биш,гэхдээ л мундаг юмаа


Top
   
PostPosted: Sep.22.17 3:21 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
Явуулсан, отсон 2 нь найзууд байжийж Казбекийг яагаад урвуулаад байгаан бол гэж гайхлаашд. Буруугаа чихнэ айн. Бас л үнэмшилтэй бичдэг хүн юм даа. Хайр найргүй л бичиж байна.


Top
   
PostPosted: Sep.22.17 5:40 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хурандаа Яковлев ширээний ард сууж, хошууч Марков дэр тохойлдон орон дээр хагас хэвтээ байдалтай байж ахуйд сансрын холбооны станцын дуудлагын дохио цангинав.

Юрий Александрович аппаратыг залгав.

- Хороо, би-Цуваа байна, хүлээж авна уу!

- Би -Хороо, чамайг сонсож байна, Цуваа!

Антон ярьж байлаа.

- Илтгэж байна! Бид занганд орлоо! Аяны төгсгөлийн цэг болох талбар дээр босогчид байна! Ар талд зам хаасан. Өмнө маань арван километрийн урттай хавцал болоод Хагархай Цохио хүрэх гарц дээр биднийг отон хүлээж байна. Агаарын цохилт түрүүлэн өгөх шаардлагатай. Зөвхөн түүний дараа л бид Артум-Калегийн аул руу нэвтрэн гарах боломж гарч магадгүй агаад тэнд бэхлэн хамгаалж, яагаад ч юм холбогдохгүй байгаа угтан ирэх хүчийг хүлээх болно. Эсвэл, хурандаа, цуваа сүйрнэ!

Яковлев асуулаа:

- Цуваа! Яагаад надтай Нэг ярихгүй байна?

Ахмад уцаарлан хариулсан нь:

- За, ямар ялгаа байдаг юм, Нэг мөн биш нь. Цагийн байдал аюултай байна. Та, бараг тавиад хүнийг үхлийн цалманд хаяснаа ойлгож байна уу? Яаралтай “эргэлдүүр”- ийн салааг хөөргө! Надтай холбоонд орог! Би тэднийг хэрхэн, яаж ажиллах ёстойг нь хэлээд өгнө!

- Антонов та юу?

- Тийм ээ, Антонов, Антонов! Би илтгэл хүлээн авсан болоод агаарын хүчин хөөргөсөн тухай баталгаа сонсохгүй байна!

- Намайг сонс, Цуваа!

Хурандаа босож дотоод холбооны болон нисдэг тэрэгний хэсгийн захирагчтай холбогдох телефон утас руу ойртон очив. Гэтэл Марков шүдээ ярзайлган, дэрэн доороосоо өөрийнхөө хуваарьт “ПМ” гар буугаа гарган ирж, цоожлогчийг нь буулгаж, замгийг нь татаж сумлаад, гол төмрийг Яковлев руу чиглүүлж:

- Юрий Александрович, түүнд хүрэх гэж бодсоны ч хэрэггүй шүү!

Хурандаа ширээ тойрон алхаж:

- Тэгэхээр байна шүү, Цуваа! Антонов, та босогчдын цэргийн томоохон хүч хүлээж байгаад итгэлтэй байна уу? Та тагнуул явуулсан юм уу? Хаанаас та ямар нэгэн отолтын талаар мэдээлэл авсан юм вэ? Үгүй бол та нар руу довтолсон юм уу? Яагаад би өөрт чинь итгэх ёстой билээ? Намайг Крамаренкотой яриулаадах!

Сергей цухалдаж:

- Хурандаа, эхийгээ алдмар минь! Надтай муур хулгана болж тоглох гээ юу, чи? Би юу ярьж байгаагаа мэдэж байна! Яаралтай нислэгийн салаа илгээ, үгүй бол би бүх машиныг дэлбэлж чөтгөр шулам руу нь хийсгэчхээд, десантчид руу явганаар нэвтрэн гарах болно шүү! Гэхдээ, амьд үлдэх юм бол чиний толгойг огтлох болно шүү, дүнхүү минь! Чи биднийг “чех”-үүдэд худалдахаар шийдээ юу, өлөгчин минь?

Яковлев дуугаа өндөрсгөж:

- Антон! За, хийрхэхээ боль! Ахмад аа, чи өөрийнхөө хэлсэн үгний хариуцлагыг хүлээх болно шүү! Талбар руу хөдөл, нисдэг тэрэг нислэгт бэлдэж байгаа. Дөнгөж саяхан Марков тэднийг хөөрөх тушаал өгсөн!

Гэвч Антонов өөрийнхөөрөө зүтгэж:

- Би нисдэг тэрэгний хэсгийн захирагчтай заавал ярих ёстой!

Үүндээ хурандаагийн хариуг авав.

- “Эргэлдүүр”- үүд дөнгөж хөөрмөгц, та нар хоорондоо шууд холбоо барих болно!

Ахмад урьдчилан сануулж:

- Хурандаа, сайхан мэдээрэй!

- Битгий хийрхээд бай! Бас тэгээд “ мэргэжлийнх” гээд байгаа юм аа!

Энэ бүхнийг ярингаа Яковлев, хурандаа руу урьдын адил гар буугаа чиглүүлэн Марковын суух ор руу алгуурхан ойртон очсон амой. Марков ч, Яковлевыг Цуваатай хэрхэн хэлэлцэхийг чагнангаа үл ялих анхаарлаа сулруулсан ажгуу.

Энэхүү хормын төдий анхаарлаа сулруулсныг нь хурандаа ашиглалаа. Тэр толгой руу нь хөлөөрөө огцом өшиглөж, хошууч ч хана мөргөн үсрэн уналаа. Тэр дор нь Марковын гараас мултран унасан гар бууг нь авч, далайн дух руу нь бууны бариулаар хүчтэй цохимогц дагзаараа хана хавсран цохив. Давхардсан цохилт Марковыг нам болгов. Хурандаа ширээний зүг үсрэн очиж, гав гарган ирж, хошуучийг орны толгойн бариулаас бугуйгаар нь холбон гавлав. Алчихсан эсэхээ шалгаж үзэхэд тэр амьд байлаа.

Ширээ рүү буцаж ирээд дотоод холбоогоор нисдэг тэрэгний хэсгийн захирагч дэд хурандаа Горбуновыг дуудав.

- Дэд хурандаа! Холбоон дээр хурандаа Яковлев байна! Яаралтай нислэг! Цуваа отолтонд ороод байна! Хагархай Цохионы дэргэдэх талбарыг чиглэн нис, гэхдээ өмнө нь Цуваатай холбоо бариарай. Ахмад Антонов чамд тодорхой чиглэл өгнө! Түүнийг биелүүл! Энэ бол тушаал! Бурханыг бодож хурдлаарай, хүүхдүүдээ, хурдлаарай!

- Бүгдийг ойлголоо, биднийг агаарт хөөрсөн гэж тооцоорой!

Хурандаа холбооны төхөөрөмжөө унтраамагц, ард нь хэн нэгэн байхыг мэдрэв. Тэр огцом эргэж харлаа. Тэр дороо л, түүн рүү чиглүүлэн “кедр” автомат гар буу гартаа барьсан хоёр чийрэг залуугийн хажууд зогсох хүнийг Яковлев хараад шууд танилаа. Энэ хүн бол Албаны дотоод мөрдөн байцаах хэлтсийн харьяа ангийн захирагч хурандаа Шелехов байлаа.

Яковлев бүгдийг ойлгов! Дотоодын сөрөг тагнуул тэднийг илрүүлчихжээ. Васильког ч, Яковлевыг ч, Марковыг ч. Шелехов энд байна гэдэг- баривчилна гэсэн үг!

Хурандаа ширээн дээр станцаа тавих гэтэл, Шелехов гэнэт ийн өгүүллээ:

- Ажлаа үргэлжлүүл, Яковлев, зөвхөн зэвсгээ манай ажилтанд өгчих.

Хурандаа руу чийрэг биетэй залуу ойртон очиж, гар бууг нь авлаа. Дараа нь тэр Марков руу харснаа, Шелехов руу эргэн харж эрхий хуруугаа гозойлгов.

Яковлев, Антоновыг дуудлаа.

- Цуваа! Би-Хороо байна!

- За! Нисэх хүчин хаана байна вэ?

- Одоо мөдхөн Харцага-1 чамтай холбоо барина!

- Яагаад Рот надтай харьцахгүй байна вэ?

Яковлев тайлбарлаж:

- Одоо бүгдийг залруулах болно, Рот чамтай холбоо барих болно! Талбар хүртэл хир хол байна вэ?

- Гурав-дөрвөн километр! Хурандаа, танай тэнд юу болоод байна вэ?

Тэрбээр ийн хүүрнэв:

- Ахмад аа, тайлбарлавал удах болно! Энэ бүх хугацаанд миний өөрийн үйл ажиллагаа хязгаарлагдмал байсан юм. Одоо, гээд Шелехов руу харж, бүх зүйл өөрчлөгдсөн.

- Оройтсон юм биш үү?

- Би юу ч хийж чадахгүй байсаар, ийм юм болчихлоо!

Антонов асуусан нь:

- Энэ тэгээд Марковын хийсэн ажил болж байна уу?

- Ерөнхийдөө тийм л гэхээс!

Сергей шүдээ хавиран дурамжханаар:

- Ерөнхийдөө гэнээ! Энэ хүүхдүүд алагдах юм бол би та нартай, хүн тус бүртэй чинь тусдаа ярих болно шүү! Гүйцээ! Холбоотой байгаарай!

- Би холбоон дээр байна!

Дараа нь хурандаа өмнө нь хаана, хэнд ч ер дурдаж байгаагүй “Уулзалт” дуудлагыг дуудав.

- Уулзалт! Би-Хороо байна!

- Хороо, таныг сонсож байна!

- Станцаа хоёр гурав дээр шилжүүлэн залга!

- Гүйцэтгэе, шилжүүлэн залгалаа!

- Чиний дуудлага одоо Рот, Цувааг дуудаж түүнтэй холбогд. Ахмад Антоновын бүхий л шаардлагыг биелүүл! Та нар Талбараас хир хол байна вэ?

Угтан уулзах салбарын захирагч хариулав.

- Гучаад километрт!

- Хурдалж чадах уу?

- Амархан! Хоёр дахин хурдалж чадна! Оршуулганд явж байгаа юм шиг л гэлдэрч байцгаана!

- Танкууд саатуулахгүй биз?

- Танк уу? Тийм ээ, энэ шинэ хайрцагнууд, мина шүүгчээр тоноглогдсоныг харгалзахгүйгээр, миний БМП-ээс хурдан явж байна. Тэгвэл чулуун дээгүүр пижигнүүлчихье!

- Яараарай, ахмад аа, талбарын өмнө чамайг зогсоохыг оролдох болно гэдгийг санаж ав! Дайсныг шууд дайран, талбар руу гараарай, тэнд цувааг отож байгаа шүү! Гэхдээ Антонов чамд бүгдийг тайлбарлана... хэрэв амжих юм бол! Яаралтай хурдаа нэм!

- Ойлголоо! Эвэртэн туурайтнууд ажил дахиад л нэмчихлээ! Холбоо төгсгөе!

Яковлев толгойгоо гудайлган, ширээний ард суулаа. Зэрэгцээд Шелехов суув.

- Миний охиныг Василько хулгайчихсан! Түүний минь талаар танд мэдээлэл байхгүй биз? хэмээн Юрий Александрович асуув.

Шелехов цагаа хараад:

- Хэдхэн минутын дараа генерал асан баривчлагдах болно, тэгэхэд л таны охины тухай мэдэх болно.

Дотоод мөрдөн байцаах хэлтсийн ахлах офицерийн утсанд дуудлага ирэв.

- За, танай тэнд юу болж байна вэ?

- Ирчихсэн. Эхэлцгээе!

Генерал Василько зөөлөн сандлынхаа түшлэгийг гэдрэг налан суув. Удахгүй Грекээс, тэд цувааг устгаж, зэвсгийг булаан авсан тухай мэдээлэл ирэх болно. Генералын тооцоогоор арван таван минутын дараа, тэр дахиад хагас сая доллараар баяжна. Ийм мөнгөтэй байхад засаг захиргааны томоохон албан тушаал руу зүтгэж болно! Яам тамгийн газар ч яахав...

Тэр жүнзэнд коньяк хийж, балгахаар ам руугаа ойртуулах тэр мөчид гэнэт албан өрөөнийх нь хаалга огцом нээгдэж, гурван хүн орж ирэв. Тэр нэгийг нь шууд таньсан агаад тэрбээр дотоод мөрдөн шалгах хэлтсийн дэд хурандаа Хромов байв.

Василькогийн гол нь тасрах мэт болон нүд нь харанхуйлж, ширээн дээр жүнзээ тавиад, гар нь зөнгөөрөө цэнэгтэй гар буу хийсэн онгорхой хайрцаг руу сунав. Мебель ханын шүүгээ рүү галласан автомат-гар бууны богино ээлжийн суманд өртсөн болор эдлэлийн жижигхэн хэлтэрхий очир эрдэнэ адил цацран генерал асаныг зогсоов.

- Гараа ширээн дээр тавь, Василько! хэмээн дэд хурандаа тушаав. - Дахиад нэг л хөдөлгөөн хийх юм бол чи тахир дутуу болно шүү.

- Юу, юу болох нь энэ вэ?

- Та баривчлагдсан, Василько! Бос, гараа ардаа ав!

Константин Георгиевичийн бугуйнд гав зүүв.

- Дэд хурандаа, би асууж болохсон...

- Оройтсоон, генерал аа, одоо юм асуух биш хариулах цаг чинь болсон! Түүнийг удирдах газар руу машинаар авч яв. Эдэнтэй Кадышев өөрөө биечлэн ярилцах болно.

Дэд хурандаатай цуг ирсэн офицерууд генерал асаныг авч гарав. Хромов дайран баривчлах бүлэгт генерал асаны хамгаалалтын зэвсгийг хурааж орон байранд үзлэг хийх тушаал өгөв. Дараа нь Шелеховтай холбоо барив.

- Шелехов, сонсож байна!

- Нөхөр хурандаад, Васильког баривчиллаа!

Яковлев сануулж:

- Охины минь тухай асууж өгөөч, гуйя...

- Өө, тийм. Тэгэлгүй яахав. Хромов?

- Сонсож байна!

- Гэрийг нь нэгжсэн үү?

- Яг тийм!

- Гадны хүн илрүүлэв үү?

- Та залуухан бүсгүйн тухай асууж байна уу?

- Чухам тэр чинь!

- Амьд мэнд, эрүүл энх байна! Үнэндээ, муу малууд чинь түүнийг нүцгэн бетон дээр хорьж цагдсаны улмаас их л даарч хөрсөн байна. Гэхдээ зүгээр ээ. Биеэ сайн барьж байна. Түүнийг эцэгтэй нь холбоо барьж өгөхийг гуйгаад байна!

Шелехов асуусан маягтай Яковлев рүү харснаа, түүнд станцаа сарвайв. Тэр дургүйцэн гараа дохив. Тэгээд, охиндоо сонсогдохгүйн тулд аяархан хэлсэн нь:

- Өнөө биш! Дараа! Өнөөдөр ярьж чадахгүй нь!

- Хромов! хэмээн Шелехов дуудаад, Бүсгүйд, эцэг нь одоо ажилтай байна гэдгийг дамжуул! Гэхдээ түүнд, охиныг нь чөлөөлснийг мэдэгдсэн гэдгийг хэл. Түүнийг чөлөөлөх энэхүү ажиллагаанд түүний аав нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бүсгүйд хэлэхээ мэдэж байгаа биз. Ийм л байна!

- Гүйцэтгэе!

Яковлев хурандаа руу талархсан харцаар харваас цаадах нь тамхиа шившин эргэн тойрноо ажиглах бөлгөө.

Энэ үед Марков ухаан орлоо. Зүг бүр тийш араатан адил тойруулан хараад, хүчингүйдэж үзэн ядсан харцаа Яковлев дээр тусгав.

- Аах чи муу, өлөгчний хүү, хурандаа! Муу золиг, чамайг би яагаад өглөө буудчихсангүй вэ? Муу харх, чамайг бүгдийг нь илчлэх юм гэж бодсонгүй! Гэхдээ зүгээр ээ, бид нэг өрөөнд суух болно! Муу адгуус, багалзуурыг чинь шахаж алнаа!

- Шувуухай донгодож байна уу?

Шелехов, Марков руу зааж:

- Хүүхдүүд ээ, түүнийг тэвшин дээр аччих! Тэнд харгалзаж байг!

- Харин та яах гэж байна, нөхөр хурандаа?

- Би энд Юрий Александровичтэй ярилцаж байя. Түүний ажил бас ч гэж дуусаагүй байна, тэгэхээр бид цаг гарган хүлээхээс дээ!

Шелеховын хоёр дагалдагч нохой шиг архирах Марковыг чирч гаргаад “УАЗ”-ны тэвш рүү чулуудав. Нисдэг тэрэгний талбай дээр аваачиж, хурандаагийн дуудлагаар дөнгөж саяхан буусан “Ми-8” нисдэг тэрэгний тавцан руу шуудайтай зүйл шидэж буй мэт чулуудав.

Шелехов, Яковлевтэй цуг үлдээд, асуусан нь:

- Юрий Александрович, яаж байгаа нь энэ вэ? Чи чинь урвагч байсан гэж үү?

Хурандаа толгойгоо гудайлган:

- Би аль дээр Афганистанд болсон шүү дээ...

- Тэнд болсон хэрэг явдлыг анхааралтай задлан шинжилсний дараа олон зүйл тодорхой болсон. Чи өөрийнхөө батальонтой тэр үед юу ч хийж чадахгүй байсан байна билээ.

- Та үнэхээр тэгж хэлж байна уу?

- Туйлын үнэн! Бригадын захирагч тэр үед өөрийнхөө батальоныг хайхралгүй орхисны улмаас нэгдсэн удирдлага алдагдсан туйлын хайхрамжгүй гэмт хэрэг, алдаа дутагдал гаргасан агаад тухайн цаг үед дайсан томоохон хүчийг тэр дүүрэгт хуримтлуулсан байсан. Тэгээд л хүүхдүүд ээдрээтэй байдалд орчихсон юм. Чи яаж ч хичээгээд байдлыг өөрчилж чадахгүй байсан гэдгийг давтан хэлье. Дайсан чамд манайхан руу нэвтрэн орох боломж олгохгүй байсан! Жанжин штаб ийм дүгнэлт хийсэн. Командлагч тэр үед өөрөө биечлэн тэрхүү сүйрлийг задлан шинжлэхэд оролцсон юм!

Яковлев ийн хүүрнэлээ.

- Василько энэ бүгдийг надад огт өөрөөр танилцуулсан юм!

- Харин тэгсэн байлгүй дээ? Тэрбээр тухайн үед Төв Хороонд байсан төрөл садангийн холбоогоо ашиглан, түүнээс хамааралтай офицерууд болоод өөртөө үнэнч хүмүүсээр бүлэг байгуулж эхэлсэн юм.

- Миний мөрөн дээрээс ямар ачаа авч хаяснаа та төсөөлөх ч үгүй байх! Би өнөөдөр Марковыг устгаад, цуваанд дэмжлэг үзүүлж, Кадышевтай холбоо барихаар шийдсэн юм шүү. Түүнээс охиноо чөлөөлж өгөхийг гуйгаад, тэгээд... өөрийгөө буудах! Офицерын үг шүү!

Шелехов асуусан нь:

- Харин яагаад арай эртхэн илчлээгүй юм вэ? Василькогийн мөнгөнөөс хувь хүртээ юу?

Дахиад л Яковлев толгойгоо доош нь гэмшсэн шинжтэй тонгойлгож:

- Яг үүнийг бол тайлбарлаж чадахгүй нь! Афганистанд үрэгдсэн хүүхдүүдийн үхэлд буруугүйгээ би өмнө нь мэдсэнсэн бол бүх зүйл өөр байх байсан! Энэхүү хараал идсэн мөнгө ч, хэн нэгэн Василько ч, ийм урван тэрсэлт ч байхгүй байхсан!

- Тийм ээ, цуваа хариу цохилт өгч, дайснаа няцааж чадаасай гэж найдах л үлдлээ!

- Хэрэв тэд үрэгдэх юм бол би амьд явахгүй... хэмээн хурандаа аяархан хэллээ.

- За ингээд, нэг хэлсэн зүйлээ давтаад л! Өөрийгөө буудна! Амьд явахгүй! “Бамбар” ажиллагааг хэн боловсруулж, зохион байгуулсан юм вэ? Василько юу? Василько! Тэр хариуцлагаа хүлээх болно! Хэрэв гэрч байхгүй бол түүний буруутайг яаж батлах юм вэ? Үгүй шүү, чи нөгөө ертөнцөд очихоо яарах хэрэггүй. Эхлээд өөрийнхөө үүргийг биелүүл! Чиний сэтгэлийг тайвшруулахын тулд нэгэн зүйлийг хэлье, цувааг хоёр цагийн өмнө гаргах тушаалыг чи өгөөгүй бол, хорооны захирагчаар дамжуулан өгөх байсан. Энд Чеченьд ихээхэн нөлөө бүхий Василькогийн холбоотон нэгэн өндөр албаны генералыг илрүүлсэн юм! Гэвч цувааг зогсоож амжаагүй агаад энэ бүхнийг хийх боломж ч байгаагүй! Үл эвлэрэгчдийн толгойлогч, өдгөө цувааг устгахаар зорьж буй, цагтаа зөвлөлтийн офицер асан Гректэй Василько холбоо барьтал. Зөвхөн тэдний цэргийн даргатай холбогдсоноор бидэнд бүх зүйл илэрхий болсон. Хэргийн учир ингэж тайлагдаж, бидэнд хөдлөх боломж олдсон юм! Гэвч цуваанд огтхон ч тус болсонгүй дээ. Энэ л бид бүгдийн ганц зовлон! Ялалт гэдэг хүний амь наснаас үнэтэй байж чадахгүй шүү дээ, нэг ч гэсэн шүү! Чамайг л гэхэд Марковын гараар эхнэр, охинтой чинь устгахаар Василько аль хэдийнээ шийдсэн. Тэр битгий хэл төлөвлөгөө гаргасан байсан! Та нарыг Марков мөрдөж байсан юм. Харин өөрөе Латин Америк руу зугтахаар завдаж байлаа. Одоо түүнд Америк нь Соловкаар солигдсон доо, хорт могой! Тэжээж тэтгэсэн өөрийн эх орноо үнэхээр санаатайгаар худалдаж байгаа нь ганц тэр биш л дээ! За тэгэхээр, миний нисэх цаг боллоо, одоохондоо чи энд орлох хүн иртэл үлд дээ, зугтаахгүй гэж бодож байна шүү?

Яковлев, Шелехов руу харцаа шилжүүлж:

- Та юу хэлнэ вэ?

- Гэхдээ чамтай хоёр хүнээ үлдээнэ. Ингэхгүй байж чадахгүй нь. Эндэх ажлаа дуусгаад буцаад очоорой! Над дээр буруугаа хүлээсэн өргөдлөө бичиж ирнэ биз.

- Баярлалаа, нөхөр хурандаа!

- Яалаа гэж тэр вэ! Баяртай! Чөлөөтэй болохоороо Василькотой хамтран ажиллаж байсан тухайгаа дурдатгал бич, баталгаатай баримт бүхий сайн дурсамж болох байх.

- Би бүгдийг ойлголоо!

- За сайн байна! Гэрийнхэндээ юу хэлүүлэх вэ? Аянаас ирсэн хүн заавал сайхан мэдээ дуулгах ёстой биз дээ.

Хурандаа ийн гуйв.

- Хэрэв цаг гарвал тэдэнд миний тухай бүх үнэнийг хэлээрэй. Би өөрөө чадахгүй нь. Харин тэд заавал мэдэх ёстой. Заавал.

- Хэрхэн хэлэх билээ! Танилцах завшаан тохиолдох юм бол оролдоод үзье. Баяртай!

Хурандаанууд өөр хоорондоо ярилцаж суух үед, Хагархай Цохионы дэргэдэх талбарын ойр хавьд байдал гэнэт эрс өөрчлөгдөж, үйл явдал цус урсгасан, догшин ширүүн болох шинж бүрдлээ.

Хурандаа Яковлевтай, Сергей холбоо барьж дөнгөж дуустал цувааны гүн ар талд хаа нэгтэй дэлбэрэлт болж, дараалан хоёр дахь, гурав дахь, дөрөв дэх дэлбэрэлтийн чимээ, автоматын урт ээлжээр галлах дуун сонсогдов.

- Юу гээчийн чөтгөр вэ? Найм аа, Найм аа, би Нэг байна, Найм аа ! .. Найм аа!

Гэвч танк эсэргүүцэх гранатометний дэлбэлэгч цэнэгт суманд өртсөн Найм чимээ аниргүй байх амой. Зургаа ч, Тав ч мөн чимээгүй. Ахлах дэслэгч Никитины десант шүхрийн салааны цэргүүд сууж явсан машины тэвшийг дэлбэлэгч цэнэгт хоёр сум онож дэлбэрэв. Тэнд сууж явагсад хэдэн хэсэг тасар татагдан, зэрэмдэглэгдэж, шатсан цогцос нь машинаасаа ч чулуудагдсангүй авай. Зөвхөн ахлах дэслэгч, жолооч хоёр л амьд үлдсэн агаад хажуулдан ойчсон бүхээгнээс гарахыг оролдох бөлгөө. Гэвч эстоны хөлсний цэрэг тэднийг ажиг ч үгүй, автоматаар буудан хөнөөв

Казбек болон түүний жолооч илүү азтай байлаа. Дэлбэрэлтэнд өртсөний дараа засварын “ЗИЛ” машины жолоочийн бүхээгийн хаалга гажиж гацсангүй. Ахлагч ч цэрэг хүүгийн комбинзоны захнаас шүүрэн авч араасаа чирэн гаргаж амжсан агаад тэрхэн зуурт автоматын урт ээлж бүхээгийг нэвт буудлаа. Тулааны галд хатаагдсан Казбек огтхон ч сандарсангүй агшин зуур юу болж өнгөрснийг мэдэрч, жолоочоо өмнө оруулан түлхэв.

- Гүй, одоохондоо утаа биднийг халхалж байгаа дээр “КамАЗ”-ыг гүйцэж тэвшин дээр нь гар, хурдлаарай, үгүй бол биднийг нам буудчихна шүү.

Тэд, дөрөв дэх “КамАЗ”-ыг гүйцэж, зенитийн тоот сууж яваа тэвшин дээр гарч амжлаа. Ахлагч ийн тушаал өглөө:

- Бүрхүүлийн хучлагаа авч хая, хурдал!

Цэргүүд тушаал биелүүлж, Казбек ч төхөөрөмжийг гэдрэг эргүүлэн, гранатометоор буудсан тэр газрыг чиглүүлэн, гохоо дарж хоёр гол төмөрт буугаар галлаа. Тэрбээр бай байж болох чиглэлийг андуурсангүй.

Рутор болон түүний хоёр хамтрагч ойн ширэнгэ дундаас дөнгөж гарч ирэхтэй зэрэгцэн зенитийн хөнөөлт галд оногдлоо. Тэд, чигээр нь онилон буудсан 23 мм-ийн суманд шууд оногдон хэдэн хэсэг тасар татагдан ойчив.

- Дөрөв өө, хэмээн Антонов захирагдагсадаа ээлжлэн дуудаад, цөмөөрөө гэж үү?..

Гэтэл Дөрөв хариулав:

- Би Дөрөв байна!

- Холбоон дээр Нэг байна, танай тэнд юу болоод байна вэ?

- Ар талд, миний ойлгосноор бол, хэмээн түрүүч Кудряшов илтгэж, бүх машин дэлбэрсэн бололтой, бөөн утаа манарч, гал дөл улалзаж байх... Зенитийн төхөөрөмж хариу галлаж байна.

Түүнтэй зэрэгцэн холбоонд Дудашев орж:

- Нэг ээ, би Зургаа байна, намайг сонсож байна уу?

- Сонсож байна, Зургаа. Амьд уу? Байдлыг тодорхой хэлээч!

- БРДМ, “КамАЗ” хүмүүстэйгээ шатсан, “засвар”-ын машиныг гранатомет болон автоматаар тулгаж буудсан. Отолт! Амьд үлдсэн хүн байхгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ. Бүгдийг нь алчихлаа, өлөгчингүүд чинь! гээд Казбек чечень хэлээр уурлан хараах ажээ.

- Чи өөрөө яаж амьд үлдэв дээ?

- Миний машины засварын бүхээг шатсан. Азаар кабины хаалга эвдрээгүй болохоор жолооч бид хоёр гарч,“КамАЗ”- ыг гүйцэж очсон. Би зенитийн төхөөрөмжөөр гранатометоор галласан газар руу цохилт өгсөн, үр дүнг нь мэдэхгүй байна, гэхдээ дээрэмчдийг оносон гэж бодож байна. Ийм л байна!

Ахмад Антонов тэр даруй Яковлевтой холбоо барилаа.

- Хороо! Би-Цуваа байна, намайг сонсож байна уу?

- Би-Хороо байна! Ахмад аа, чамайг сонсож байна!

- Сонсож байна уу? Тэгвэл сонс, хурандаа! хэмээн өгүүлэх Сергейн хоолой уурандаа чичирч:-Хавцлаас гарах гарамны орчим цуваа гранатометийн галд өртлөө. Цоожинд явсан БРДМ-ыг оролцуулаад цувааны сүүлийн гурван машиныг устгачихлаа. Бид зенитийн төхөөрөмжөөр хариу галласан, гэвч энэ...

- Хүмүүс яасан вэ? хэмээсэн асуултаар Яковлев Антоновын үгийг таслав.

- Хүмүүс? Хорин жаал хүү амьдаараа шатаж үхлээ! Чиний нөгөө нисэхийнхэн хаа байна, хурандаа?

- Хорооноос нисэхийн хэсэг ниссэн, яг одоо л чамтай холбоонд орох ёстой! “Эргэлдүүр”-үүд нисэж очтол тэсэх л болж дээ, ахмад аа?

- Өөдгүй зөвлөх минь чи... рүү тонилбол таарна!

Антонов станцаа унтраагаад, бүхээгийн шал руу ууртай нулимаад хөлс дааварлах духаа арчив.

- Цэрэг! хэмээн жолооч руугаа хандан хэлэв. - Хурдаа жигд барь! Машинаа битгий ухасхийлгээд бай! За, яагаад царай чинь барайчихав? Хурдан биеэ барьж хэвийн бол, чи чинь цэрэг хүн шүү! Энэ чинь дайн болохоос хагас нүцгэн охид хүүхнүүд байдаг чиний тэр дискотек биш шүү, найз минь, энд бүх юм өөр! Энд цус урсахгүйгээр юу ч бүтэхгүй! Амьд байхыг хүсэж л байвал биеэ барь! Хавцлаас дөнгөж гармагцаа зүүн энгэр рүү ухасхийгээрэй. Юу ч болоход бэлэн бай! Эрч хүчтэй нь шалгарч үлддэг цаг ирээд байна шүү! Тэсч үз, цэрэг минь, бурхан чамайг урт наслуулах болтугай! Машинаас буухдаа автоматаа авахаа мартав, надтай хамт ухасхийнэ шүү! Битгий сандраарай, ойлгов уу?

- Яг тийм, нөхөр ахмад! гээд залуураа зуурч, хөлс дааварлан урссан царайтай цэрэг хүү өөрийнхөө “КамАЗ”-ыг жолоодон цаашлан одов.

- Ийм байна! Жаахан тайвшир. Хэрэв чаддаг бол залбир. Би чаддаггүй юм!

Дуудлагын дохио дуугарав. Антонов хариуллаа.

- Би-Цуваа! Сонсож байна!

- Цуваа! Би-Шонхор-1 байна!

- Ашгүй дээ! Та нар хаана байна вэ?

- Талбар хүртэл арван минутын нислэг байна. Зам дээр утаа манарахыг харж байна! Ямар нэгэн юм тохиолдоо юу?

Антонов батлан:

- Тохиолдсон! Биднийг дайран довтолсон!

- Хохирол амссан уу? хэмээн нисэгч асуув.

- Машин техник болоод бие бүрэлдэхүүнийхээ талыг алдсан!

- “Чех”-үүд гранатомет хэрэглээ юу?

- Тийм! Гэхдээ энэ тухай дараа болъё! Чи тэгэхээр, Шонхор-1, эндээс чи харагдахгүй, сонсогдохгүй байхын тулд уулын цаагуур, талбарыг тойр! Хагархай Цохионы араас түүгээр гарч ир. Ингэх нь “ чех”-үүдийн хувьд гэнэтийн хэрэг болно.

- Жаахан хүлээ, Цуваа, би нисэгчиддээ чиглэлээ солих тушаал өгөөдхье... цааш нь ахмад аа!

Сергей зааварчилгаагаа үргэлжлүүлж:

- Талбар дээр гарч ирээд нэг машинаа Цохио руу эргүүлж, чөтгөрт алгадуулмар, түүний бэлээс нь оройг нь хүртэл буудуул. Үлдсэн “эргэлдүүр”-үүд тал бүр тийш тарцгааж уулын баруун, зүүн энгэрт цохилт өг. Босогчдын цэргийн үндсэн хүч цувааг дайрахаар бэлдэж байх ёстой, тиймээс өндөрт гараагүй болов уу. Тэд голлох өндөрлөг орчмын хаа нэггээ “ ногоон” бүсэд л байгаа. Тийш нь цохилт өг! Галлангаа, Артум-калегийн дээгүүр нисэж өнгөр. Чиний буудлагын дараа би цувааныхаа үлдэгдэл хүчийг хавцлаас зүүн гар тал дахь уулын энгэрийн өмнөх талбарт татна. Тэнд машинаа орхиод, суурин руу нэвтрэн орох болно.

- Ойлголоо! гэж нисэгч хариулав.

- Энэ бүхэн ингээд дуусахгүй шүү!

- Тийм үү?

Антонов ийн асуулаа:

- Чи дахиад дэмжих хүч дуудаж чадах уу?

- Миний хэсгийг дийлэхгүй гэж бодоо юу?

- Чиний зэвсгийн нөөц шаардлагатай идэвхтэй халхлалт хийхэд хүрэлцэхгүй болов уу гэж айж байна.

- Одоохон, жижүүрийн хэсгийг хөөргө гэж эскадриль рүү шууд дуудаж хэлье. Тэд гучин минутын дараа хүрэлцэн ирнэ! Тэд чамтай холбогдох болно!

- Шонхор-1, чи өөрөө эскадриль захирч байгаа мэт яасан итгэл төгс ярина вэ?

- Чи таачихлаа, би захирагч нь байна!

- Тэгвэл ч өөр хэрэг шүү! “Чи” гэж харьцчихлаа, зүгээр үү?

- Дажгүй, дажгүй!

- Надтай холбоо барихад оройтох байх. Чи тэдэнд дамжуулна биз...

- Бүгдийг ойлголоо! Бааз руу тушаал өгөөд, бай руугаа явлаа! Гүйцээ, ахмад аа! Чамд тэнд амжилт гаргахыг хүсье! Бидэнд санаа зоволтгүй, үнэн сэтгэлээсээ болгоод өгнө! Холбоо төгсье!

Антонов суудал дээрээ холбоогоо шидээд, жолооч руугаа харж, асуусан нь:

- Байлдагч аа, нэр хэн билээ?

- Саня!

- Тэсээрэй, Саня! Нисэхийнхэн ойртон ирж байна! Одоо муусайн “чех”- үүд хүүхдүүдийн минь төлөө шангаа хүртэнэ! Хийсэн үйлийнхээ шанг хүртэнэ!

Ахмад Бережнойн дуудлага сонсогдлоо.

- Чамайг сонсож байна, Хоёр оо! гэж Антон хариулав.

- Нэг ээ, юу болов вэ?

Сергей гашуудлаа үл нуун, өширхөн хорсон дуугаар хариулсан нь:

- Вова! Бидний таллаад хаячхаж. Ар талыг маань хүмүүстэй нь үнс нурам болгочихлоо. Хэлэлцсэн ёсоороо ажиллана шүү, гагцхүү хэнтэйгээ нэвтрэн гарах билээ? Эй, гамбир гэж, тагнуул гаргамаар байдаг, харин тэднийг хаанаас авах билээ? Өөрчилж болохгүйгээс хойш. Энэ муусайнуудыг өрсөөд цохилт хийх юм гэж хэн мэдэх билээ? Агшин зуурт хэдэн жаалуудыг минь шатаачихдаг байна шүү, өлөгчин чинь! Энэ алдааныхаа төлөө өөрийгөө хэзээ ч өршөөхгүй!

Владимир найзыгаа тайвшруулахыг оролдож:

- Чи өөрийгөө битгий буруутга, битгий гасал! Антон, би энэхүү хараал идсэн хавцлаас гартлаа дахиад гранатометонд өртчихгүйн тулд зенитээрээ цөм буудах хэрэгтэй гэж бодож байна.

- Санал нэг байна! Казбект тушаал өгье!

- Тэр амьд уу?

- Тийм! Ахлахад аз тохиож, одоо тэр дөрөв дэх машинд яваа.

Талбар руу гарах гарам руу чиглэн цуваа гөжүүдлэн хөдөлгөөнөө үргэлжлүүлж, уулын энгэрийг зенитийн төхөөрөмжийн хосолсон галаар галлан урагшлах амой.

Сергей энэ хүртэл огтхон ч дуугарахгүй байсан угтан ирж буй цувааг дуудахыг хичээнгүйлэн оролдох ажээ.

- Рот оо! Би-Цуваа байна.

Энэ удаа ахмадад хариу ирж:

- Цуваа! Рот холбоонд орж байна!

- Та нар талбараас хир хол байна?

- Дахиад цаг явах байх. Хороо хурдаа нэмэхийг тушаасан, ажил хэрэг хөгжилтэй болж байх шив!

- Энэ чинь хаана тэр вэ?

- Цуваа, танай тэнд яаж байна?

Антонов ерөнхий цагийн байдлыг товчхоноор дайралтын ротын захирагчид дамжуулав. Урьдчилан сануулж:

- Та нарыг ч гэсэн, Рот оо, дээрэмчид ойртон ирэх замд чинь лавтайяа отож байгаа. Тэгээд ч би агаарын халхлах хэсгийг дуудчихсан байгаа. Дайсанд дөхөж очоод байлдсаны хэрэггүй шүү, зайдуухан байж, хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай. Миний бодлоор, нисэгчид аль хэдийнээ чиглэлээ авчихсан та нараас өмнө ирэх байх, хэрэв хэрэг явдал болбол миний хэлсэн ёсоор ажиллаарай! Талбарт гарах юм бол харсан болгоноо устгаарай. Манай машинуудын үлдэгдэлд анхаарал бүү хандуулаарай, хөдөлгөөнөө замын баруун гар талыг барьж үргэлжлүүл. Цохионы араас шууд Артум- Кале орох зам бий. Би үлдэгдэл бие бүрэлдэхүүнтэйгээ тийшээ нэвтрэх болно. Тэнд, бурхан өршөөвөл уулзацгаая. Гэхдээ, босогчдын толгойлогчид нөөц хүч бэлтгэлд байж болох юм шүү, талбарын тэнд нэг салаагаа танктай үлдээнэ биз. Аллахын дайчдыг харах л юм бол, тэднийг там рүү нь эргэлзэлгүй илгээ! Ойлгов уу, Рот оо?

- Бүгдийг ойлголоо! Тэсч үзээрэй, хүүхдүүд ээ! Зөвхөн тэсч байгаарай! Бид очно! Заавал очно!

- Рот оо, уулзталаа баяртай!

- Цуваа, баяртай! Холбоо төгсье!


Top
   
PostPosted: Sep.22.17 5:41 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Грек хадан хошуун дээр хөлөө алцайн зогсож, модны оройдын цаагуур нуугдан хавцлын ёроолоор гогцоорон үргэлжлэх замыг дурандах амой. Тэр эхлээд хар утаа баагиулан дүрэлзэх хэд хэдэн галт бөмбөлөг харж, дараа нь хавцал хадны дунд аянга мэт цуурайтах дэлбэрэлтийн чимээний сонслоо.

- Сайн эр, Рутор! За, Казбек чи яаж байна? Одоо чи хаана байна вэ? Амьд уу, эсвэл өмхий толгой чинь түлэгдэж үхсэн үү? Айснаасаа болоод тэвшний хаа нэгтээ буланд чичирч сууна уу? Шангаа хүртэв үү, гяурууд аа?

Тэрбээр тэнгэр өөд гараа өргөн сарвайж, бүхий л чадлаа шавхан хашхирав

- Аллах Акбар! ! !

Энэхүү орилох дуун бас л уртаар давтан цуурайтсаар замхрав. Тэнгэр бурханаа алдаршуулан хашхирахдаа, тэр нүдээ анилаа. Нүдээ нээгээд тэр гэнэт нисдэг тэрэг харав! Түүний царай айн цочирдсоноос үрчилзэн татганалаа. Түүн рүү шууд чиглэн галын дэмжлэг үзүүлэх байлдааны машин “Ми-24” нисэн ирж байлаа. Тэрбээр айсандаа дахин хашхирсаар түр штаб болгосон агуй руугаа үсрэв. Тэрбээр унаж байхдаа дахиад хоёр нисдэг тэрэг харсан агаад тэд өвчүүн дороосоо урт гэгчийн сум утаа савсуулан харвах аж. Үргэлжилсэн дэлбэрэлтийн улмаас уулс доргин чичрэх бөлгөө. Нуугдаж амжаагүй дээрэмчид уулын бэлээр самгардан амь наана, там цаана гүйлдэж, “стингер”- ээ санахтай манатай байх агаад тэдгээр нь хад чулуун дунд хураасан түлээ аятай хайрцагандаа хөглөрөн хэвтэх амой. Харин нисдэг тэрэгнүүд сүлжилдэн нисэж, өндрөө өөрчлөн дайсныхаа хуралдсан амьд хүчинд үл залагдах тийрэлтэт сумаар үргэлжлүүлэн цохилт өгч, хүмүүс ч, мод бут ч, хад чулууд ч холилдон хутгалдаж нэгэн цөм болжухай. Тэд цувааны зааврын дагуу, өөрсдийн бай болох лалын дайчдын өмнө нь бэлдсэн байрлалыг яг онож цохилт өгөх бөлгөө. Пуужингаар буудсаны дараа “эргэлдүүр”-үүд огцом дээшлэн зүүн тийш эргэж, Артум-Кале аулын зүг одохуйд, суурингийн энгийн номхон иргэд айдаст автаж, энэхүү аймшигт хэрцгий аварга том шувуунаас холхон байхын тулд мал сүргийнхээ хамт зүг зүгт бутран гүйцгээх ажгуу.

Чулууны жижигхэн хэлтэрхийд сийчүүлсэн Грекийн бие агуйгаас цухалзан гарч ирээд, суурингийн чанх дээр эргэлдэх нисдэг тэрэгнүүдийг мөн л айсан нүдээр ширтэх ажээ. Цувааг дайрсны өш хонзонд аулыг буудах юм гэж үү?

Гэтэл “эргэлдүүр”-үүд маневр хийж, дахиад талбарын зүг нислээ.

- Аа! Хараал идэг, та нарыг! хэмээн Грек хашхираад, өөрийнхөө аврагч болсон нуувч руугаа шурган оров.

Энэ удаа “Ми-24” тойрон нисэж эргэлдэн, галд автсан ойн дунд дахин ийш тийш гүйлдэх дээрэмчид рүү пулемётын галаар галлалаа.

Сум хэрэглэлээ буудаж дуусгаад нисдэг тэрэгнүүд эхний дайралтын дараах журмаараа суурингийн зүг нисэж, түүний дээгүүр хамгийн нам өндрөөр нисэн өнгөрөөд огцом дээшээ хөөрөн дулааны цэнэгт сумаар харваад, хил залгаа “найрамдалт” орны хилийн зүг нисэн харагдахгүй боллоо.

Нисэх хэсгийн захирагч хурандаа Яковлевт илтгэл өгөв:

- Заагдсан объектыг бүрэн цэвэрлэлээ! Тэндэх манай цувааны хувьд хэдэн машин нь шатсан ч, минийхээр бол “зориг зүрх” нь хэвээрээ байна. Хүүхдүүд шахагдаж байна! Би бас тусламж болгож өөрийнхөө жижүүрийн хэсгийг дуудахаар шийдээд байна!

- Тэгэгтүн, дэд хурандаа, хэрэгтэй гэж үзсэнээ хийгтүн!

- Холбоо төгсье!

Яковлев цуваатай холбогдохоор залгав. Гэвч нөгөө тал чимээгүй байсан агаад тэгээд ч дөнгөж талбарт гарч ирээд зүүн энгэр рүү сэтлэн гарахаар зүтгэж байлаа. Удирдлагад хариу өгөхтэй манатай байв.

Талбар нэлэнхүйдээ гал утаанд автжээ. Антонов тасралтгүй холбоогоор дамжуулан:

- Бүгд зүүн энгэр рүү, бэл рүү яаралтай ирцгээ! Битгий тарцгаа! Уулын энгэр рүү нэгдсэн бүлгээрээ явцгаа. Байлдааны машин хөдөлгөөнийг галаараа халхал.

Энэ үг бараг л ахмадын сүүлчийн үг болох шахав.

Мэргэн буучийн сум, нүүрний шилийг цөмлөн Антоновт тун ойрхон жолооч тэр хоёрын дунд бүхээгийн бүрээсэнд туслаа.

- Өлөгчин гэж! Муухан буудагч байж. Оносонгүй. Тэгэхээр амьд л байх нь дээ, тийм үү, Саня? хэмээн хэлээд жолооч руу ахмад нүдээ ирмэв. Нөгөөдөх нь хүчлэн инээмсэглэж, хариуд нь:

- Тэгж л таарах нь дээ!

БРДМ болон машинууд даргынхаа сүүлчийн тушаалыг биелүүлж, уулын энгэр тийш ухасхийн давхилаа. Тэдний өөдөөс, энд тэндээс цөөн хэдэн автоматын галаар галлан угтав. Байлдааны хуягт машин энгэр рүү пулеметаар галлан агшин зуур дайснаа дуугүй болгох ажээ. Гэвч Хагархай Цохионоос харвасан бяцхан аянга адил галт буудлага шууд цамхаг дээр тусан дэлбэрэхүйд, суурилуулсан пулеметтайгаа хуу татагдан шидэгдэв. Дараалан харвасан хоёр дахь гранат БРДМ-ын бөөрөн дээр тусмагц, машин дэлбэрч агшин зуур гал нөмрөн дүрэлзэв. Дэлбэрэлтэнд десант буулгах хаалга мулт үсрэн шидэгдсэний улмаас дотор талд нь галан хуй дэгдэн амьтай бүхнийг шатаан устгаж үнс нурам болгов.

Гурав дахь машины ахлаачийн хаалга гэнэт онгойж, нэг хүн үсрэн буулаа. Гүйлт дундаа автоматаа шидээд, талбар дээгүүр хурдлан гүйх амой. Энэ хүн бол хошууч Крамаренко байлаа. Сэтгэл мэдрэхүй нь тэсвэрлэсэнгүй! Тэр өөрийгөө хянах хяналтаа алдаж юу хийж байгаагаа ч мэдэхээ больжээ. Хажуу талд нь хаа нэгтээгээс автоматын богино ээлжээр галлах сонсогдож, тэрбээр өнхрөн унав. Хошууч босохыг оролдон өндөлзөх тэр зуур, хэн нэгэн дээрэмчний шууд хараалан буудсан гранатометын гранат дуулга өмссөн түүнийг толгойг мөрнөөс тас цохин...

Антонов юу ч хийж амжсангүй. Түүний найзтай нэг төгсөлтийн бөгөөд хайр сэтгэлийн өрсөлдөгч, өөрийнхөө шууд удирдах даргын гутамшигтай агаад тэнэг үхлийн гэрч л боллоо.

- Гена минь, чи юу л хийчхэв дээ? Цувааг хэрхэн удирдахыг чинь таахад хэцүү биш байсан юм! Эх дэлхийдээ энх амгалан нойрсог-хэмээн ахмад бувтнаад, тэр даруйхан Крамаренког мартав. Өмнө нь түүнээс ч чухал ажил байлаа. Амьд үлдэгсэдээ аврах хэрэгтэй байв!

Хуягт машин дэлбэрэхэд азаар амьд үлдсэн ахлах дэслэгч Веселов, ахлагч Дудашев, ахмад Антонов, Бережной нар амьд үлдэгсэдтэйгээ яаран ухасхийцгээв. Бүх сумаа буудаж дуусгасан зенитийн төхөөрөмжийн тоотын хоёр цэрэг, гэрээт цэрэг-түрүүч Кудряшов, хоёр жолооч цэрэг эд хэд болой. Десант шүхрийн хорооноос гараагаа эхэлсэн энэхүү сүйрсэн цувааны дөчин гурван цэргийн албан хаагчаас ердөө л есөн хүн үлджээ. Энэ бол бас ч гэж дуусаагүй байгаа тулааны эцсийн дүн биш билээ. Тулаан үргэлжлэх бөлгөө. Амь биеэ авч гарах гол тулаан өмнө нь байлаа!

Өөрсдийнхөө өмнө харагдах гүехэн жалга руу байлдагчид ухасхийн орцгоов. Антонов шамдуулж:

- Хүүхдүүд ээ, хурдан эндээс зайлцгаая, одоо “чех”- үүд ухаан орж, хөөж эхэлнэ шүү. Бид тэднээс тасарч байж аул руу орж, бэхлэн хамгаална! Хурдал, хүүхдүүд ээ!

Тэд тасран холдож амжсан агаад манаран баагих их утаанд тэдний хөдөлгөөнийг ажин харж амжсангүй болой. Гэвч Грек түргэн ухаарч, ажиллагаатай үлдсэн холбооны хэрэгслээр амьд үлдсэн дээрэмчдээ аул руу явах зам дээр цугларахыг тушаав. Докугийн адил нисдэг тэрэгний сумны дэлбэрэлтэнд амь үрэгдсэн Мухтарын хоёр дахь цувааны хүмүүсийг дуудав. Өөрөө ч, өөрийнхөө шилмэл хүмүүсээс амьд үлдэгсэдийг дагуулан уруудлаа. Тэрбээр ийн хашхирах бөлгөө.

- Бүгд зам руу! Хурдал, хурдал!!!

Талбар дээр гараад, Грек арван хүнээ, дөнгөж дараах нь тэднийг хөнөөх, “КамАЗ” руу явуулав. Тэдний нэг нь, ухран зайлагсадын хэн нэг нь яарахдаа хаясан десантын цэнхэр малгай, жалга руу орох зам дээр хэвтэж байгааг харчхав. Грект ийн илтгэлээ.

- Эз-ээн! Гяурууд жалганд орсон байна. Тэнд зам дээр десантын малгай хэвтэж байна. Буруу номтнууд аул руу явсан юм биш үү!

- Бүгд замаар тойр. Надтай миний хүмүүс буруу номтны хойноос жалгаар мөрдөнө. Жалга аулын захад очих болохоор тэднийг гуунд шахах хэрэгтэй! Хэрэв боломж гарвал амьдаар нь барь! Бидэнд тэд амьдаараа хэрэгтэй! Ялангуяа тэдний дунд чечень залуу байвал, бүр ч хэрэгтэй! Урагшаа!

Тэнгэрт дахиад нисдэг тэрэгний хөдөлгүүрийн дуу гарлаа. Энэ удаад операторт “бай”- гаа ялган харахад бэрхшээлтэй байв. Гэхдээ л тэд, утаан хөшигний завсраар бөөнөөрөө гүйх зэвсэгт хүмүүсийг олж харав. Нэг нисдэг тэрэг нь тулаанд шунган орж, зам дээр хаягдсан “КамАЗ”-ыг буудахад машин, тэвшний бүрхүүлийг сөхөн харж байсан босогчдын цэргүүдтэй хамт хүчтэй дэлбэрэлтэнд өртөн хэдэн хэсэг болон дэлбэрэв. Дээрэмчдэд хаашаа ч зугтах газар байсангүй, тэд зогтусан, зэвсгээ хаяж, гараа өргөцгөөсөн ч, пуужингийн “мөөгөн” цэнэгт хэсэгт өртөн биес нь тоос тортогтой хутгалдан үгүй болжухуй. Пулемёт хэрэглэх ч шаардлага гарсангүй.

Машины дэлбэрэлт болж, бууж өгч олзлогдохоор айн чичирч гараа өргөсөн өөрийнхөө захирагдагсадыг галзууртлаа уурласан Грек буудаж, улмаар хавханд орсон ганцаардмал чоно адил улин орилов. Түүний улин орилох дуун тэнхээ мэдэн хашхирах дуунаар солигдлоо. Тэрбээр өөрийн эрхгүй чечень хэлээр хараал тавьж, уулын энгэр тийш нударга зангидан хэнийг ч юм занан зангах бөлгөө. Тэгтэл ойрын хүмүүс нь хоёр талаас нь сугадан хүчээр “ногоон” бүс рүү авч орж, тэнд л тэр нэг юм тайвшрав.

Хоёр нисдэг тэрэг Хагархай Цохиог тойрон нисэж, угтан ирэх цувааг дайрахад бэлдэн талбар руу гарах гарамны дэргэд отолт хийснийг амархан илрүүлэв. Хуягласан “Ми-24М”-ийн өвчүүн дороос сугаран ардаа уртаа гэгчийн утаан зам татуулан бутран дэлбэрэх цэнэгт тийрэлтэт пуужин нисэх амой. Отолт тоотой хэдхэн секундэд устлаа. Нисдэг тэрэгний оператор, замын хоёр талд овоолсон чулууны ард довтлохоор бэлдэн хэвтсэн Грекийн хүмүүст зугтан гарах боломж олголгүй пулемётын галаар шүршлээ.

Ротын явах зам цэвэрлэгдлээ. Үнэндээ, минажүүлсэн зам үлдсэн. Гэвч мина шүүгчээр тоноглогдсон танканд саад болж чадахгүй болой.

Дөрөв дэх нисдэг тэрэгний нисэгч болоод оператор хавцалд дээрэмчид байгааг мэдэж, тойрох маневр хийж, бараг гарамны дэргэд байгаа “бай”-гаа олж харсан агаад тэндээс ганц БМД-ээ шавааран суусан десантчид талбар тийш яаран давхих ажээ. Тэд арван хүний бүрэлдэхүүнтэй ч өөрийнхөндөө туслахаар яаравчлан, арав дахин их хүчтэй дайсантай сүүлийн тулаанаа хийж буй, тэдэн шиг эх орны цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдахаар давхих амой. Гадна хуяган дээр ч, машин дотор ч, дан сайн дурын цэргүүд десантын байлдааны машины бүх суудлыг эзэлсэн байв. Сайн дурынхныг харуулын дарга толгойлжээ!

Хавцлын дагуу “Ми-24М” нисэн, цагийн байдлыг ажиглаж байсан оператор, уулын гүн тийш баруун энгэрийн үл ажиглагдам жимээр замнан, шатаж буй талбар болоод өөрийн үхэж байгаа ахан дүүсээ орхин зайлах Расулын бүлгийг эцсийн эцэст илрүүлэв.

Шууд дайран довтлохоор өндрөө авч, хошуугаа доошлуулан нисдэг тэрэг дээрэмчдийг шунган дайрахад, бүлгийн гишүүд сийрэг ургасан моддын дунд айн балмагдаж, сандчин гүйлдэж байлаа. Гэвч тэдэнд аврал байсангүй. Пуужин-пулеметын галд бүгд сүйрэн унацгаав. Расул өөрөө үл залагдах тийрэлтэт сум/НУРС/-нд оногдож, тасар татууллаа.

Аллах Акбар!!!

Грек цагаа олж утаа савсах жалганд хорин дээрэмчинтэйгээ орж нуугдав.

Газар дээр өөрийнхнөө ч, босогчдын цэргүүдийг ч олж харахгүй байсан тулд нисэх хэсгийн дарга, эскадрилиийн захирагчийн тушааснаар хурандаа Яковлевт илтгэв.

- Илэрсэн бай устгагдсан. Цувааны техникүүд бүгд устгагдсан, амьд хүн харагдахгүй байна, ой мод шатаж утаа тамтаггүй их баагиж байна.

- Манайхан бүгдээрээ үрэгдсэн гэж үү?

- Энэ тамаас бүтэн гарна гэж хэлэхэд хэцүү л юм байна. Зөвхөн аул руу нэвтрэн гарсан тохиолдолд магадгүй, бид дээр нь очъё, дохио өгч юуны магад, тэгвэл халхлая. Дахиад нэг удаа уулын энгэрийг болгоож өгөөд, суурин руу очлоо. Энд газрын хүч хэрэгтэй байна, бид агаарт удаан дүүжигнэж чадахгүй, суух болно, хэрэв ямар нэгэн зүйл болбол, бас...

- Би таныг ойлголоо, ажлаа дуусгаад, явцгаа даа.

- Гүйцэтгэе!

“Эргэлдүүр”- үүд хоёр хэсэгт хуваагдан, суурингийн зүг нисэж цувааны хүмүүс үзэгдэхийг хүлээн агаарт тогтохуйд дор нь эль хуль хоосон аул харагдана. Ямар ч бай хараагүй нисэгчид жаахан холдон нисэв.

Хоёр дахь хос жалга тийш нисэн очиж, дөнгөж саяхан Грекийн сүүлчийн хүмүүс орсон гуу жалгыг таамгаар цохилт өгөв. Нисэгчид ядаж л ямар нэгэн дохио харах санаатай байгааг ахмад Антонов ойлгож байсан ч, дохио өгчих зүйл байсангүй. Нисдэг тэрэгний зүг автоматаар буудаж болохгүй, тэгэх л юм бол хариу гал дуудсан хэрэг болно. Хурандаа Яковлевтай холбоо барьж байсан станц тулааны хөлд хаягдаж үгүй болсон болохоор нисэгч нартай холбогдох ямар ч боломж байхгүй байв. Тэд ч тойрон нисээд, тушаасан ёсоор буцан нисцгээв. Ямартаа ч нисдэг тэрэгний сүүлчийн буудлага Грекийн бүлгийн “сүүл”-ийг дажгүй хөндөж, долоон цэрэг жагсаалаас гарав. Тэдний гурав нь шархадсан ажээ. Жалгын эхэн талаас шархандаа шаналан орилох орилоон, тусламж гуйх дуун эсэргүүцлийн хөдөлгөөний даргыг бүүр байж ядуулах болой. Тэрбээр өөрийн ойр дотныхоо нэгэнд тушаал өглөө:

- Буцаж очоод, шархдагсдыг гүйцээчих! Одоо, энэ хараал идсэн гяуруудын арьсыг хуулахад бидэнд хэн ч саад болохгүй!

Лалын цэрэг энгэрийн бэл рүү ухасхийн гүйж, хашхирах дуун тун удалгүй намдлаа. Дээрэмчин сумаа гамнахын үүднээс, тусламж гуйн орилох өөрийн овог нэгтнээ, урт, өргөн хутгаар багалзуурыг нь огтлох агаад энэ бүхнээ том баярын өмнөхөн тахилд өргөх хонио нядлах адил ажиг ч үгүй үйлдэх авай.

Ахмад Антоновын бүлэг жалгаар тавиад метр яваад, Сергейн тушаалаар зогсов.

- Зогс, хүүхдүүд ээ! Цаашаа бөөнөөрөө явж болохгүй. Хэрэв “чех”- үүд дээрээс харах л юм бол тэдэнд, биднийг цөмөөрөнг нь устгахад ганц “ф-1” гранат шидэхэд л хангалттай! Иймээс салж явцгаая! Ахлах дэслэгч Веселов болон чи, залуу, хэмээн Сергей зенитийн төхөөрөмжийн тоотын нэг болох жаахан жаал хүүг заав.

- Цаадах нь нэрээ хэлэн танилцуулж:

- Байлдагч Ларин, нөхөр ахмад аа!

- Нэр хэн билээ?

- Женя!

- Байлдагч Женя Ларин зүүн энгэрт гарч жалга руу ойртон очих гарцыг хяна, тэр ёсоор баруун, зүүн, хойноос ойртох гарцыг ч мөн адил! Зэвсэг, сум галт хэрэгсэл бүрэн үү?

- Бүрэн, нөхөр ахмад, хэмээн Веселов хариулаад, автомат, хоёр хорго сум, нэг “Ф-1” дээр нь гурван “РГД-5” гранат. Цэрэг ч мөн тийм зэвсэгтэй юу?

- Яг тийм! хэмээн Ларин батлан хэлэв.

- Баруун энгэрт, хэмээн Антонов үргэлжлүүлэн, түүний оройгоор явахаар түрүүч Алексей Кудряшов болон чи, залуу!

- Байлдагч Матросов, хэмээн зенитийн тоотын хоёр дахь залуухан цэрэг хэлэв.

- Арай Александр биш биз дээ? ахмад Антонов асуув.

- Үгүй, Борис!

- Тэгэхээр, Кудряшов Матросов хоёр. Залуу минь, гэж Антонов байлдагчид хандаж, нэрээ хичээгээрэй дээ!

- Хичээнээ!

- Өөр хоорондоо нүдэн баримжаагаа алдалгүй байж, жалганд дайсан илэрсэн тохиолдолд нэгнийгээ галаар халхалж, дайсныг устга. Зэргэлдээ явцгааж, жалгын ёроолоор хэн явж буйг хараандаа байлга. Ийм байна! Дээгүүр гүйгчид, урагшаа!

Офицер, гэрээт цэргийн түрүүч болон хоёр залуухан цэрэг уулын энгэр өөд өгслөө. Жалгаас гаралгүй, эргэн тойрноо харцгааж, аюул байгаа үгүйг нягтлав. Бүгд цэвэр гэсэн дохио өгөв!

- За сайн байна! хэмээн дохио хүлээн аваад Антонов өгүүлэв. - Харваас, хэрэв Грек амьд үлдсэн бол эндээс уул руу ухасхийж, бид аул хүртэл чөлөөтэй явах болно. Гэвч үргэлжлүүлье. Даргын хувьд би түрүүлээд, хоёр цэрэгтэй явна. Чи, Санек, гээд жолооч цэрэг рүү заав.

- Байлдагч Самарин!

- Залуу минь чамайг, минийхээр Крутов бил үү?

- Яг тийм, байлдагч Крутов Дмитрий!

- Тэгэхээр надтай Саня, Дима хоёр явна! Харин цоожинд Володя, Казбектай үлдэж явах болж дээ! Өөрсдөө харж байгаа байх, та нарт өгөх цэрэг үлдсэнгүй. Одоо анхаар. Хамгийн гол нь дайснаа цагийг нь олж илрүүл, урьтаж илрүүлбэл сайн шүү. Түүний завсраар сэтлэн гарах, үгүй бол тулалдах нь цагийн байдлаас шалтгаална. Тулааныг сунжруулах нь тохиромжтой шүү. Рот угтан маш ойрхон ирсэн байх! Манай холбооны хэрэгсэл талбарын хаа нэгтэй хаягдсан, тэгэхээр дохиог илээр, хамаг хүчээрээ орилж хашхирч, тэр битгий хэл өөдөө хий буудаж өгөхийг зөвшөөрч байна, аль сонгосон аргаараа дохио өг! Асуулт байна уу? Алга уу? Тэгэх л ёстой! Салцгаая, эрчүүдээ! Саня, Дима хоёр миний араас ялихгүй хоцорч, баруун зүүн гарт яв! Бүх анхаарлаа урд харагдаж буй эргэлтэнд хандуул. Түүний цаана юу ч байж магадгүй! Зэвсгээ байлдаанд бэлд! УРАГШАА!

Уулын суурингийн зүг чиглэн бүлэг жалгаар аажимханаар хөдөлгөөнөө үргэлжлүүлэх бөлгөө.

Грекийн өөрийнх нь удирдлагад арван долоон хүн үлджээ. Жижгэвтэр ойн зурвасын цаанаас тэрбээр жалгын амсраас хоёр тийш дөрвөн цэргийн албан хаагч өөдөө авирахыг ажиглаж байлаа.

- Гяурууд минь, цөөхөн л байна даа! хэмээн үл үзэгдэгч дайсандаа хандан дээрэмчдийн толгойлогч хэлэв. Ил задгай явахаас болгоомжилж байна уу? Тэгэхээр танайд хүч багахан л үлдэж дээ!

Грекийн өөрийнхөө ойрын туслахаа алагдсаны дараа, орлогчоор томилсон Абдулла даргынхаа таамаглалыг бататгаж:

- Тэд олон байж чадахгүй, би тоолсон. Үндсэн хүчнээс арван хүн л үлдсэн.

- Манай хүний тоог тэд мэдэхгүй, хэмээн Грек үргэлжлүүлэн хэлээд, гэхдээ удахгүй цуваа угтан ирэх ёстой. Манай отолтоос лавтайяа хэн ч, юу ч үлдээгүй байх, тэнд хараал идсэн оросын “эргэлдүүр”-үүд зүгээр ч нэг эргэлдээгүй нь лав.

- Гэхдээ тэдний хооронд холбоо байхгүй! Ротыг талбарт хүрэх гэж шахамдаж байх хооронд, бид гяуруудыг устгаад, агуй руу явж амжих л ёстой.

Грек, Абдуллад үүрэг өглөө.

- Тэгэхээр ингэе, өөрөө мэргэн бууч Алим болоод бас нэг цэрэг аваад ойн зурвасын цаагуур гяурын хянагчийг тойрон, аулаар нэвтрэн гарч, ташуу энгэрийн зүүн талд галын цэг байгуул. Чиний өмнө энэ дөрөв жалгаас гарч гучаад метр ил цагаан газраар доошлох болно. Нэг дайчнаа жалга руу буулгаж, эргэлтийн ард отуул. Тэдний толгойн сэргийлэх ойртон ирэхийг тэр сонсмогц автоматаар буудаж, бөөн дунд нь хос “РГД-5” гранат шидэг, манайд хамгаалалтын хүчирхэг гранат болох “Ф-1” дууссан нь харамсалтай. Гэвч давшилтынх хангалттай бий. Гучин метрт цацагдах “РГД”-ын хэлтэрхий болоод автоматын нэг сайн ээлжийн гал хамтраад буруу номтны хоёр гурван хүнийг устгах буюу тэднийг зогсооход хангалттай байх болно. Мэргэн бууч энэ үед хянагчдыг буудаж устгана. Эхлээд бидний зүүн жигүүрт байгааг. Устгачихаад, баруун жигүүрд байгааг бууд. Буудлага үйлдэхэд баруун жигүүрт байгч их сайндаа хэвтэх байлгүй. Тэгэхээр Алим тэднийг буудахад тохиромжтой цагийг хүлээн байнга хараандаа авна гэсэн үг. Энэ бол чиний үүрэг, Абдулла, яв! Гумар! хэмээн Грек өөр нэгэн захирагдагчаа дуудав. - Өөртөө хоёр хүн аваад талбар руу бууж замаар хөндлөн гарч зүүн энгэрт хүрэхэд, мэргэн бууч жигүүрийг чинь халхалж байх болно. Тэндээс эсрэг талд чинь хэвтэх оросуудыг бууд. Тэд чиний өмнө ил байна. Абдулла та хоёр жалганд толгойн харуулыг устгамагц хянагчид дээрээс буухаар доошлох болно. Би үлдсэн хүмүүстэйгээ дороос нь гяуруудыг мөрдөнө. Тийм маягаар бид үлдсэн оросуудыг бахинд оруулж барина. Тэнд л тэднийг хэрхэхээ шийдье. Алах уу, авч явах уу гэдэг ээ. Саид! хэмээн Грек дахиж нэгэн чечень эрийг дуудав. - Чи хоёр цэрэгтэй ойн зурвасаар замаа үргэлжлүүл. Хэрэв гэнэт гяурууд бидний бодсоноос олон тоотой жалгаас гарч ирсэн тохиолдолд, эсрэг талаас нь Гумарын ажиллагааг халхалж тулаанд ор. Гэхдээ мэргэн буудагч өөрийн ажлаа хийсний дараа хөдөлгөөнөө эхэл! Аулын зэргэлдээх жалга руу уруудах нарийн хавцлаар дамжин ойролцоо орших агуй руу бүгд буцна! Асуулт байна уу? Үгүй юу? Урагшаа!

Гумарын дайчид талбарын зүг гүйцгээв. Саид тохирсон ёсоор дохио өгөхийг хүлээн үлдэж, оросын жигүүрийн харуулын аажимхан шилжих хөдөлгөөнийг ажиглах амой.

Грек өөрийнхөө сүрэгтэйгээ, Антоновын бүлгийн жишээгээр өндөрлөг дээр хоёр харуул үлдээгээд доошоо бууж, шатсан машинаас өтгөн утаа хөшиглөн бүрхсэн талбарыг тойруулан хараад, уурлан хараал тавьж, жалгаар өгсөн дээшээ гарах тушаал өгөв.

Ахмад Антонов ардаа цэргүүдээ оруулж алхах ажээ. Эргэлт хүртэл метр орчим үлдлээ. Хэрэв тэнд, тохойн ард дайсан байгаа бол одоо л тэр ажиллагаагаа эхлэх ёстой байв! Ахмад гараа өргөхөд цэргүүд хэвтлээ. Сергей ч энгэрт наалдан хэвтэв. Тэр гартаа таарсан чулууг авч урагш нь шидэхэд, тэр нь явж буй хүний гутлын улан дороос унах чулуу адил өнхрөв. Энэ чулуунаас болсон уу, үгүй бол өөрийнхөөрөө шийдсэн үү, юутай ч Абдуллагийн цэрэг тушаалын дагуу эргэлтийн цаанаас гарч ирж, жалганы дагуу гал нээв. Түүний ганц алдаа нь цээжин байны түвшинд буудсан агаад Антонов цэргүүдтэйгээ хэвтчихсэн байв: Тиймээс “чех”-ийн сум хэнд ч хор учруулсангүй, харин ахмад бараг чиглүүлэн шагайлгүй, тулгах шахам богино ээлжээр галлан агшин зуурт дээрэмчний цогцсыг цустай нь хутгаад орхив. Тэр гранатаа шүүрэн авч чадалгүй үхэдхийн уналаа.

Түүнтэй нэгэн зэрэг дээрээс буудах мэргэн буудагч Алимын буудлагын дуу нүргэлэв. Сум түрүүч Кудряшовын сум үл нэвтрэх хантаазыг онож, тэрбээр өнхрөн унав. Унахдаа тэрбээр тэнцвэр алдан байлдагч Матросовыг татан унагав. Тэгээд ч мунгинуу Алимын хоёр дахь буудлагын сум дөнгөж сая зогсож байсан цэргийн байранд тусаж, бай ч үгүй, банзанд ч үгүй болов. Алим ч винтовоо баруун тийш болгон шагайж амжсангүй.

Туршлагатай десантын тагнуулч ахлах дэслэгч Веселов агшин зуур чиглэлийг тоймлов. Түүний ажигч харц мэргэн буучийн гал нээсэн цэгт буй байг ялган харж чадлаа. Тэрбээр Абдулла Алим хоёрын нуугдсан бут руу автоматаар галлав. Веселов хэрхэн буудахаа мэдэж байлаа! Тэрбээр газрын хөрснөөс дээш нь хэрээс хэрээслэн галлав. Удалгүй бутнаас нүцгэрэн хугарсан мөчрүүд болон офицерийн бодлоор хоёр цогцос л үлдэв. Гэвч ганцхан Алим үхсэн ажгуу. Абдулла өөрийнхөө цэргийн араар нуугдаж амжсан агаад амьд мэнд байх шинж тэмдэг үл үзүүлэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан амой.

Галлахаа больж, Веселов тэр даруйхан байлдагч Лариныг жалга руу түлхээд өөрөө араас нь үсрэн оров. Өөрийнхөө үйлс нэгтнийг галт суман довтолгоонд үрэгдэхийг гэрч болсон Саид тэр үед Веселов, Ларин хоёр руу шуурган гал нээв. Гэвч хожимджээ! Түүний буудсан сум жалгын эрэг орчмын газрын шороо тоосыг бужигнуулах тусах бөлгөө.

Ахлах дэслэгч автоматаа цэнэглэнгээ, цэрэгтээ ийн тушаав.

- За хө, Женя, тэр бутны ард очиж сэмхэн шагайж, тэнд юу болж байгааг хараач? Мөн ар тийшээ манай баруун хамтрагч юу болж байгааг ч хараадах.

Тэрхүү хамтрагч нь түрүүч Кудряшов болон байлдагч Матросов нар агаад ялихгүй өмнө нь байх нэг их том биш ч зайтай нүх байхыг олж хараад түүн рүү мөлхөн орвоос дажгүй нуувч болсон амой. Саид өөрийнхөө дээрэмчидтэй Веселов, Ларин хоёр руу гал нээж байх тэр хооронд жалгын эсрэг талд түрүүч байлдагч хоёр дайснаа устгахаар шилжин байрлаж байв. Гэхдээ хуягт хантаазанд туссан сумны хүчтэй цохилтонд дүйрсэн Кудряшов одоо л ухаан орсон агаад сум хальт ойж туссан нь аз болсон бөгөөд тэгээгүй бол ойрын зайнаас буудсан хүчирхэг “СВД”-ийн суманд хуягт хантааз тэсэхгүй байсан билээ. Тэрбээр нөхөд рүү нь жалганы хаанаас дайсан галлаж байгааг ажиглав. Эдгээр дайсан одоо тэр л байрлал дээр байхыг, тэр харсаар. Нэг биш шүү. Оготор намхан бутны дунд гурван дүрс тод харагдах ажээ. Түрүүч ийн тушаалаа.

- Анхаар, Боря! Ойн зурвас байгаа эсрэг талын бутан дунд “чех” байгааг харж байна уу?

- Харлаа, мөчир дунд гурвуулаа байна!

- Мөчир бидэнд саад болохгүй! Энэ ямаанууд хүртэл хэдэн метр бол оо?

- Зуу, зуун тавин метр л байх!

- Шууд хараалан “ВОГ-25П” үсчин дэлбэрэх хэлтэрхий бүхий гранатаар цэнэглэ. Бэлэн үү?

- Яг тийм!

- Байг онилж, дүрсний дунд гранатометоор галлаад!

Хоёр удаа буудах дуу цуурайтав. Харвасан гранат жалган дээгүүр нисэн Саид болон түүний үйлс нэгтний дэргэдэх газарт тусан бүтэн хагас метрийн өндөрт ойн дэлбэрч, ширмэн борооны хэлтэрхий байгаа устгав. Зүг бүрт зургаан метрийн дүүрэгт дэлбэрэн тархах ширмэн хэлтэрхий гахайн өөхөнд шигтгэх сармис адил дээрэмчдийн биед шигдэн ороход хангалттай ажээ.

- Яг ингэх байсан юм та нарыг, өлөгчингүүд! хэмээн гэрээт-түрүүч сэтгэл хангалуун өгүүлэв.

- Тийм ээ, гайхалтай, хэн гэдэг ухаантан энэ үсрэгчийг бодож олдог байнаа? гэж даргатайгаа Боря Матросов санал нийлэв.

Дахиад цэнэглэ! хэмээн асуултанд хариулалгүй, түрүүч дахиад тушаав.

Тэд энэ бүхнээ хийж амжсангүй. Дайсан араас нь ойртон ирэхийг огтхон ч мэдсэнгүй. Гумар өөрийнхөө дайчдын хамт зүүн энгэрийн байрлалд сэмхэн мяраасаар, хүүхдүүдийг зэвсгээ цэнэглэж байх тэр мөчид ойртон очлоо.

Лалын цэрэг оросуудын гранатометын довтолгооны үр дүнг нүдээр хараад нүхний аман дээр үсрэн гарч Кудряшов Матросов хоёрын нуруу руу автоматын урт ээлжээр галлан дөчин сум зоолоо.

Гэвч байлдагч Ларины нүдэнд Гумар өртөв.

Тэр даруйхан Евгений автоматаа чиглүүлэн дээрэмчинг ганцхан урт ээлжээр шүршин унагаад, дараа нь ахлах дэслэгч Веселов руу үсрэн очив. Тэрбээр ч цэргээ угтан яаран ирж:

- Юу болоо вэ?

- Тэнд, тэнд түрүүч нөгөө... Кудряшов болон Боря Матросов хоёр биднийг буудсан бут руу...

- Ойлголоо! Чи хэнийг буудав?

- Тэнд, манайхан буудаж байхад тэдэн рүү дээрэмчид араас нь сэмхэн ойртоод... Тэр муу тэднийг алчихлаа! Манайхны нуруу руу буудсан. Би ч түүнийг буудсан! Оносон шүү!

- Чи тэгэхээр эндээ байж манай чиглэлийг хянаж бай, би эсрэг талын энгэрийг хянана! Эргэн тойрноо сайн хараарай, дээрэмчид хаанаас ч хамаагүй гарч ирнэ. Ойлгов уу?

- Яг тийм, нөхөр ахлах дэслэгч!


Top
   
PostPosted: Sep.22.17 5:41 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ТАВДУГААР БҮЛЭГ

Абдулла агшин зуурын тулааныг харав. Гранатомет түүний нөхдийг тасар татан хаяхад тэрбээр элгэндээ гараа эвхэн хүч хүрэхгүйдээ уурсан ёолон архирав.

- За муу, гяурууд! Муу сэгнүүд! Өмхий заваан гахай! Хоолойг чинь огтолж, арьсыг чинь хуулах л болно доо.

Гэвч тэрбээр, түрүүч байлдагч хоёрын амь үрэгдсэн байрлал руу өгсөж очиж буй Веселов руу гал нээсэнгүй. Тэр, түүнийг онилсон байж магадгүй гэдгийг мэдэж байсан бөгөөд тэрбээр амьд явахыг хүсэж байлаа! Тиймээс тэр шүдээ хавиран уурсавч, аман дээрээ үртэс үүрмэг болгохоор занаж байгсадтайгаа ил цагаан тулалдахаас цаараглаж байв.

Гэнэт Абдулла хөлийн чимээ сонсов. Тэрбээр Алимын цогцсон доороос түлхэн зайчилж, бие нь дээр нь автоматаа тавин онилж, түгшин хүлээв.

Гэтэл бутны цаанаас амь үрэгдсэн Гумарын хүмүүс гарч ирэв.

- Та нар энд юугаа хийж байгаа юм вэ? гэж дуу хоолойндоо албархаг өнгө оруулахыг хичээн, Абдулла асуув.

Гэвч тэр хариулт сонсож амжсангүй. Эргэлтийн цаанаас Антонов үсрэн гарч ирж өөрийгөө тойруулан гал нээгээд, эрэгцэгийн баруун таах ганга руу бөмбөрөн оров. Харин жалганаас цэргийн толгой цухуйж, автоматаар галлав. Мөн л дээрэмчний байх зүг рүү галлах авай.

Гэхдээ энэ бол онилсон буудлага биш анхаарал сарниулах зорилгоор нээсэн гал болой. Сум “чех”-ийн нуувчин дээгүүр аулын зүг шунгинан өнгөрөх бөлгөө. Гэвч тэр өөрийн үүргээ биелүүлэв. Веселов жалганд орж амжсан агаад эргэлтийн цаанаас ил гарч ирсэн офицер, дээрэмчний буудлагын зэвсгийн хувьд хор хөнөөлгүй бүс болох бут сөөг рүү шурган орлоо. Энэ нь автомат бууны хувьд л хөнөөлгүй бүс болохоос гранатын хувьд биш болой.

Абдулла хурдан гэгчийн “РГД-5” гранат шүүрэн авч, оросын шурган орсон тэр газар руу шидлээ.

Сергей гонзгой урт зүйл нисэн ирэхийг харж, бул хадны ар руу үсрэв. Гэвч түүнийг хадны ард орж нуугдахаас өмнө дэлбэрэлтийн дуу нүргэлэв. Антонов өвдөлт огтхон ч мэдэрсэнгүй. Дэлбэрэлтийн долгион түүнийг хадан дээр хүчтэй шидэв. Хүчтэй цохилтын улмаас тэрбээр ухаан алдаж...

Толгойлогч нь дээрэмчдэд тушаал өгч:

- Явцгаая!

Тэгээд эрэг дээрээс жалга руу үсрэн буусан агаад эндээс нутгийн агуйн хөндий рүү хөтлөх эцэс төгсөлгүй зам жим эхэлдэг болой.

Амь үрэгдсэн Гумарын хоёр дагуул ч Абдуллагийн араас хөдлөв. Харин цэрэг ахмадын тушаасны дагуу аулын зүг бүхэл бүтэн нэг хорго сумаар буудаад, хадны араар орж нуугдав. Тэрбээр ийнхүү нуугдсаныхаа улмаас түүний дарга битүү доргилт аван ухаангүй унаж, гурван чечень эр Антоновыг олзлон авч, түүнийг гуугаар чирэн одохыг харсангүй. Тэд, цэргийн байрлалаас арван метр холдсоноор, түүнийг буугаа цэнэглэж байрлалаа дахин эзлэх тэр үед харагдахаа больсон байв. Уг байрлалаас байлдагч Санек Самарин ахмад Антоновыг галаар халхлах ёстой байсан юм.

Грек болон түүнийг дагалдсан лалын дайчид эрчимтэй буудлага болон гранат дэлбэрэх чимээг сонслоо.

Тэр чимээг ч ахмад Бережной болон ахлагч Дудашев нар бас сонсов.

Казбек ийн хэлэв.

- Манайхан давуу хүчтэй тулгарав бололтой. Тэднийг ар талаас нь дэмжихсэн! Антон руу чи яв, Володя! Яв, надад ганц гранат үлдээ тэгээд... яв! Зөвхөн дээгүүр, гүнээс нь очоорой, ахмад аа, за би чинь офицерт заах нь үү дээ?

- Харин чи яах юм вэ?

- Би Грекийг тогтоон барья! Үгүй бол устгана... Байдлаас л болох байх. Тэнд хэргээ бүтээчхээд, над руу эргээд ирээрэй.

Бережной удаан бодол болсонгүй.

- Тэгье! “Ф-1” ав. - Тэр бүсэндээ хавчуулсан гранатыг сугалан өгөв. - Чи арван минут л тэсээрэй! Бид буцаад ирнэ!

- Володя!

- За!

- Хагацъя даа, даргаа!

- Чи юун хагацах салах юм яриад унав аа?

- Хурдал даа! Манайханд тусламж хэрэгтэй байгаа! хэмээн Бережнойн асуултанд ахлагч хариулсангүй.

- Би ч бас “хагацъя”! гэх үү-хэмээн Бережной бувтнав. Тохойрсон жалганы цаанаас тэр уулын энгэрийн зүүн талаас авирав. Эргэн тойрноо харвал ар талыг бут халхалж, юм харагдахгүй байсан ч өмнөх бүх зүйл сайн харагдаж ажээ! Гэвч өмнө талд буудалцахаа больсон байв. Бережной жалга руу буухаар шийдэв.

Володяг гуунаас шууд ил газар гарангуут гэнэт дахин галлаа. Баруун энгэрээс таван хүний бүрэлдэхүүнтэй бүлэг доошилж байлаа. Хаанаас тэд гараад ирэв ээ? Бодох хугацаа алга байсан тул ахмад Бережной газар руу ухасхийн үсрэнгээ гал нээв. Суманд оногдон хоёр дээрэмчин энгэрийн уруу унан өнхөрлөө. Тэдний нэг нь муухай дуугаар орь дуу тавин орилох нь сум гэдсэнд туссан бололтой. Үлдсэн гурав нь хариу гал нээж, Володягийн эргэн тойронд суман мөндөр тусна. Хэрэв ахлах дэслэгч Веселов байлдагч Ларин хоёр байгаагүй бол түүнийг тэд онох байлаа. Ойрхон буудалцахыг сонсоод тэд баруун энгэрийн оройгоор буун дуу гарсан зүг рүү ухасхийцгээв. Яг цагаа олсон байлаа. Бережнойн зүг бууж явсан гурван дээрэмчин тэдний чанх дор байх ажээ. Гурван богино ээлжийн гал “чех”-үүдийг хэрчиж, тэдний ярьдгаар “хоолойг” нь огтлов. Үхлийн шарх олсон дээрэмчинг ч гүйцээв. Володя азаар амь мэнд үлдсэн байсан агаад хөлийг нь хоёрын зэрэг сум өнгөцхөн шүргэж, бул хаднаас үсэрсэн хэлтэрхий хөмсгийг нь ясанд нь хүртэл зад цохисон байлаа. Шархнаас нь цус сад тавин урсах ажгуу.

- Амьд уу, ахмад аа? гэж Веселов асуув.

- Амьд аа!

- Женя, хэмээн ахлах дэслэгч байлдагчид хандан хэлээд, хурдан офицерийн шархыг боо, би Антонов руу гарц руу явлаа. Та нар дуусаад, ахлагч руу яваарай!

Энэ үед тэдний ард дэлбэрэлтийн чимээ нирхийж, автоматын ээлж тачигнан агшин зуур буй болсон нам гүмийг эвдлээ.

- Казбек, Гректэй уулзаж дээ, гэж Бережной дуу алдав.

- Тохирсон бүдүүвчийнхээ дагуу ажиллая... Чөтгөр гэж юу вэ? хэмээгээд Веселов үгээ дуусгасангүй. Энгэр дээр өнгөлөн далдлалтын хувцас, десантын цэнхэр малгай өмссөн цэргүүд гарч ирэв. Тэдний дарга ахлах дэслэгч ийнхүү хашхирав.

- Битгий буудаарай, өөрийнхөн байна!

Веселов, байлдагч Женя Ларины эв дүйгүйхэн толгойг нь боож байгаа Бережнойтой зэрэгцэн хадан дээр лаг хийн суулаа.

- Гүйцээ, ахмад аа, угтан уулзах рот ирлээ. Ингээд гүйцээ! Ойлгож байна уу, ахмад аа, гүйцээ!

Казбек үхэр чулууны ард нуугдаж байв. Удалгүй тэрбээр шамдан гүйх хөлийн чимээ ойртохыг сонсов. Тэдгээр нь бас л хүчээ шавхан, хөлөө чирэн явах ажээ. Жалгын энгэр, ёроолоор явцгааж агаад Грек доор явах болой.

Тэрбээр хүмүүсээ яаруулж:

- Хурдал, жигитүүд ээ! Гяуруудыг аулд оруулж болохгүй. Тэнд хөгшид, хүүхнүүд, хүүхдүүд байгаа. Тэднээр халхавч хийх л юм бол барьж чадахгүй болно. Урагшаа...

Грек үгээ таслан таг чиг болов. Тэдний өмнө газар доороос гарч ирэх мэт, Казбек нуувчнаасаа гарч ирэв. Тэдний хоорондох зай хоёр метрээс илүүгүй байлаа. Дээрэмчдийн дарга, түүний дайсан яах гэж энд байж байгааг ойлгов. Гэвч биеэ барьж чадлаа.

- Казбек уу? Ашгүй дээ! Тулаан эхлэхээс өмнө зайлан гарахгүй яасан юм. Гэвч Аллахын авралаар суманд оногдсонгүй шив. Бид яарч байна, бидэнтэй яв.

- Грек! Чи хаашаа ч явахгүй. Чиний цусан зам энд, энэ гуунд дуусна. Шууд ойлгохгүй байна гэж үү?

- Казбек! Хүлээж бай л даа! Тохирч болно биз дээ? Энэ замаар миний хүмүүс ирж байгаа. Би тэднийг зогсоож чадах бөгөөд тэгвэл чиний нөхөд ч амьд үлдэнэ шүү дээ. Бид ингээд хоёр тийш салж явцгаая, би Аллахын нэрийг барьж тангараглая, эндээс өөрийнхөө бүлгийг авч явна. Би худлаа хэлэхгүй, Казбек минь!

- Үгүй, Грек, би чамд итгэхгүй, тэгээд ч чиний хүмүүст учруулсан тэр бүх зовлон шаналлын төлөө ганцхан шийтгэл бий. Тэр нь энэ! Ахлах ахлагч Дудашев гараа урагш сунган алгаа дэлгэв. Түүний атгаж байсан хамгаалалтын гранатын гал хамгаалагчийн чих тэнийж хэдхэн секундийн дараа хүчтэй дэлбэрэлт Грекийг ч, түүнтэй зэрэгцэн зогсогсдыг ч, Казбекийг өөрийг нь ч хэдэн хэсэг тасар татаж...

Харин дээр зогсож байгсад хэлтэрхийнээс нуугдаж амжсан ч, гэнэт татганан унацгаав. Десантын дайрагч ротын тагнуулчид жалга болон зам дээр гарч ирж урагшлан дайрцгаав. Түрүүнд нь яваа ротын захирагч болон хэдэн цэргүүд ахлагчийн дэлбэрэлтийн гэрч болов. Тэд үлдсэн дээрэмчдийг буудан устгалаа.

Десантын ахмад, тасар татагдаж цусандаа хутгалдсан цогцсыг хараад, дуу алдаж:

- Ээ, дүү минь! Дахиад хормын төдий л тэвчсэн бол. Бид дэргэд чинь байсан шүү дээ...

Тэрбээр санаа алдаж, толгойноосоо цэнхэр берет малгайгаа авахад, буурал санчиг нь ил гарлаа. Цэргүүд даргынхаа жишээг дагав. Тэд эрэлхэг орос офицерт сүүлчийн хүндэтгэлээ үзүүллээ.

Холбооны дуудлага ирэв. Нэгдүгээр салааны дарга, жалганы гарцны орчмоос өөрсдийнхнөө олсноо илтгэв. Сүйрсэн цувааны бүрэлдэхүүнээс үлдэгсэдийг олжээ.

Ротын захирагч гуравдугаар салаанд жалганы араас агуй хүртэл энгэрийг самнахыг тушаав. Нэгдүгээр салааг аулыг бүслэх, хоёрдугаар салааг танкаар талбараас Артум-Кале хүрэх замыг хаах үүрэг өгөв.. Өөрөө тагнуулын тасагтайгаа амь үрэгдсэн ахлах ахлагчийн цогцсыг тойрон гарч жалгаар уруудан хөдлөв.

Аулын захад тэд уулзацгаав. Хүч тэнцвэргүй тулаанд бууж өгөөгүй, сүйрсэн цувааны амьд үлдсэн цэргийн албан хаагчидтай, угтан уулзах хүч нэмэгдүүлсэн ротын захирагч Валентин Громов учирлаа. Эв дүйгүй боолтын улмаас нүүрнийх нь баруун тал бараг тэр чигээрээ боолттой харагдах ахмад Бережнойтой, зориг зүрхтэй, үл шархдагч десантын ахлах дэслэгч Валерий Веселов, байлдагч Ларин, Самарин, Крутов нартай болой.

- За яав, хүүхдүүд ээ, хэмээн ахмад Громов халтар хултар, ядарч зүдэрсэн офицер, цэргүүдэд хандаж, тэсч гарав уу?

- Жаахан л удсан бол дуусах байлаа, гэж Веселов хариулав.

- Үгүй дээ! Та нар руу гарч ирдэг тэр таван сахалт сүүлчийнх нь байсан юм. Цохионы дэргэд отолт хийгчдийн үлдэгдэл агуйд нэвтрэн орохоор явж байсан! Харин танай ахлагч баатарлагаар амь үрэгдсэн шүү.

- Юу, амь үрэгдсэн гэнээ? гээд Володя босов.

- Баахан “чех”- тэй хамт өөрийгөө дэлбэлсэн, тийм ээ тэрбээр жаахан яарчихсан юм, бид бараг дэргэд нь ирээд байсан. Ховорхон тохиох зоригтой эр байна билээ, алдар нэр нь үүрд дуурсаг!

- Эй, Казбек минь, Казбек минь! Тэгээд л чамд гранат хэрэгтэй байсан байх нь ээ? хэмээн Бережной аяархан уулга алдваас, Громов сонсоод:

- Казбек аа? Тэр тэгээд орос хүн биш болох нь уу?

- Чечень залуу! Бүх насаараа армид алба хаасан юм. Афганд байлдсан! Гэрлэхээр завдаж байтал... харин энд!

- Тийм ээ, хэмээн десантын дайралтын нэгдсэн ротын захирагч зөвшин хэлээд, хэн ч учрыг нь олохооргүй бүх зүйл хутгалдчихаж дээ, баларсан юм! Харин ахмад Антонов хаана байна вэ? Дээрээс тушаасны дагуу би түүнд салбар хүрэлцэн ирсэн тухай илтгэх ёстой!

Зөвхөн одоо л Бережной, Сергей үргэлж түрүүнд явдаг тул энд ирсэн байх ёстой атал Антон байхгүй байхыг мэдэв.

- Самарин, Крутов! хэмээн тэр хашхирч, энэ жалгаар ахмад Антоновыг дагалдан явсан цэргүүдийг дуудав.

- Дарга хаана байна вэ? хэмээн тэрбээр, байлдагчдыг ойртон ирэхэд асуув.

- Энд, нөхөр ахмадаа, бутанд, гарц дээр, хэмээн Самарин гараараа ургамал руу зааж, “чех”- үүд бүгэж байсан агаад ахмад Антонов тэднийг дайрахаар шийдэж намайг өөрийгөө халхлуулахаар үлдээсэн юм. Харин өөрөө, тээр тэнд, түүнийг дээрэмчид онож чадахгүй газраар жалга руу үсрэн орсон. Би ахмадын тушаал ёсоор “чех”- үүдийн анхаарал татахаар гал нээсэн. Сум дуусангуут, би автоматаа цэнэглэхээр нуугдсан. Харин тэнд дэлбэрэлт болж, утаа униар, тоос шороо боссон. Юу ч харагдахгүй байсан. Над руу Крутов ойртож ирэнгүүт, бид дээрэмчдэд хоёр талаас нь галын цохилт өгөхөөр шийдвэрлэсэн юм. Гэвч тэд хаана ч байхгүй байсан. Ахмад Антонов ч мөн адил.

- Хаашаа Антоновыг үсэрсэн гэнээ? гэж Володя дахин асуув.

- Тээр тэнд, тэр бул чулуу руу, нөхөр ахмад!

- Яг гуу руу юм байна! “Чех”- үүдийн байрлалаар харахад тэнд л “аюулгүй” бүс байж. Харваас, түүгээр Сергей дээрэмчдийг тойрохыг хүссэн нь илт байна. Гэвч тэрбээр хаашаа алга болчихов оо?

- За, харин тэгэхээр ахмад аа, тэр бул чулуу руу очиж харцгаая, гэж Громов санал болгоод, жалга руу буув. Володя түүний араас дагахуйд, цус болсон боолт нь нүд рүү бууж, юм харуулахгүй халхлах ажээ. Володягийн тийнхүү зүдэргээтэй боолттойгоо ноцолдохыг хараад Громов ийн хэлэв.

- Одоохон газар орныг үзчихье, дараа нь миний эмнэлгийн зааварлагч чамайг боож өгөг!

Анхны харцаар л бул чулуун дээр болон түүний орчин тойрны байдал ахмад Антоновын алга болсон шалтгааныг тодруулаад өгөв. Том чулуунаас холгүйхэн газар гранатын дэлбэрэлтээс үүссэн хонхор онгойж харагдана. Бул чулуун дээр цусны дусал байхыг илрүүллээ. Цусны дусал, гуугаар дамжин агуй хүрэх жимээр нэг гоожсон байгаа нь тодорхой боллоо.

- Үнэн гэж үү?

Громов тэр даруйхан гурав дугаар салааны захирагчийг дуудав.

- Гурав аа! Би-Нэг байна!

- Гурав холбоон дээр байна!

- Гурав аа, чиний цэвэрлэгээ юу болж байна вэ?

- Тантай холбоо барих гэж байлаа! Агуйн дэргэд гурван цэрэг харлаа. Тэднийг хүртэл таван зуун метрийн зайтай байна. Тэд хэн нэгнийг чирч явна! Өөрсдийнхөө дарга нараас нэгийг нь авч явж байж магадгүй? Нэг ээ, тэднийг буудах уу?

- Чирж явна гэж хэлэв үү? гээд Громов Бережной руу хяламхийн харав.

- Энэ чинь Антон байна! Өө муу өлөгчингүүд, шархтай хүнийг олзолдог байна шүү! хэмээн Володя гаслав.

Ротын захирагч тушаалаа.

- Гурав аа! Би-Нэг байна! Гал бүү нээ! “Чех”-үүдийг гүйцэхийг оролдож нэг ухасхийгээд үз. Тэд манай офицерыг чирч явна гэдгийг сануулаарай... Гүйцэхгүй бол орхиё! Амжихгүй нь үү! Яваг дээ, хөөж байгааг хараад ачаанаасаа салахаар шийдэх ч юм билүү. Тэгвэл ахмадыг буудчихна. Нэхэхээ зогсоо! Агуйн хонгилоос гарч, гадна талд тагнуулын ажиллагаа явуул. Дотор орж болохгүй! Намайг тушаал өгтөл тэндээ үлд!

- Би бүгдийг ойлголоо, Нэг ээ, гүйцэтгэе!

Громов холбооны хэрэгслээ унтраав.

- За ийм байна даа, автынхан минь! Явцгаая, чамд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол харахад аймаар байна.

Гэвч Бережной, Громовын саналд анхаарал хандуулсангүй, тэрбээр өөрийнхөөрөө зүтгэж:

- Валентин! Аулын амьтай болгоныг цуглуулах хэрэгтэй. Оршин суугчдын хэн нэг нь энэ агуйг мэдэх нь лавтай! Антоныг гаргаж авах хэрэгтэй байна!

- Харин чи, энгийн номхон иргэдийн эсрэг үйлдсэн үйлдлийнхээ төлөө дараа нь чи бид хоёр зөвхөн мөрдсөө хуулуулах төдийгүй толгойгүй ч болж болохыг мэдэж байна уу?

- Мэдэж байна, гэвч юу ч юм хийх хэрэгтэй байна ш дээ!

- Хэн маргах билээ! Чөтгөр алгад! Чи зааварлагч руу оч, би одоо цэргийнхээ байрлалыг өөрчлье. Яв гэж байна шүү, гайхал минь, цусаа юүлж гүйцлээ!

Бережной түүнийг хүлээж байгаа эмнэлгийн зааварлагч-түрүүч рүү ойртон очиж:

- Алив, манал бурхан минь, зөвхөн хурдхан шиг! Ойлгов уу?

- Та өөрийнхөө хүмүүсийг л командал, нөхөр ахмад аа, харин би өөрийнхөө ажлыг зохих ёсоор нь хийнэ! Таны хувьд ч гэсэн.

- Алив хийгээч!

Громов энэ үед хоёр дугаар салааг дуудаж:

- Хоёр оо! Би-Нэг байна! Сонсож байна уу?

- Сонсож байна, Нэг ээ!

- Танай тэнд, талбар дээр ажил хэрэг яаж байна, Андрюша?

- Бүх юм нам гүм!

- Өөртөө хоёр БМП үлдээгээд, хоёр дугаар тасгийн хагасыг танкийн хуяган дээр суулгаад манай нэг машинтай шууд аул руу орж ир!

- Газар дээр нь үүрэг өгөх үү?

- За тэгэлгүй дээ! Асуух юу байна, Андрей?

- Мэдлээ, Нэг ээ! Гүйцэтгэе!

Ротын захирагчийг өөрийн захирагдагсадтай ярьж байх үед, хүн эмнэлгийн зааварлагч Бережнойн шархыг мэргэжлийн дагуу ариутган цэвэрлэж, гоюу наав. Цаг алдахгүйн тулд хөмсгөө оёхыг Бережной түрүүчид зөвшөөрсөнгүй. Сорвитой болох уу? Чөтгөр рүүгээ тонилог! Том, багын ямар ялгаа байв гэж? Громов түүн рүү ойртон ирж:

- Вова, би танкаар айлган чеченүүдийг гэрээсээ нь гаргахын тулд өөрийнхөө хүүхдүүдийг дуудчихлаа! Явъя, ахмад аа, аулын оршин суугчдыг жагсаая! Нэгдүгээр салааны захирагч над руу!

Хорин минутын дараа Артум- кале аулын бүх оршин суугчдыг гэрээс нь гаргаж том пингийн ойролцоо цуглуулав. Танк ойртон ирж, цугларсан хүмүүс рүү өөрийнхөө их бууны онгойсон хар амыг чиглүүлэн жаахан зайтай зогссон нь хүмүүсийг үймрэн сандрахад хүргэв.

Володя гартаа автоматаа барьсаар өвгөд хөгшид, бүсгүйчүүд, хүүхдүүдийн өмнө гарч ирэв. Түүний дэргэд ахмад Громов болон хоёр десантын цэрэг зогсов. Бережной эхлэн:

- Чечений энгийн номхон иргэдээ, намайг анхааралтай сонс. Бүгд биш юм гэхэд та нарын ихэнх нь, биднийг довтолж хүмүүнлэгийн ачаа- бүхий цувааны юунд ч гэм буруугүй дөч гаруй залуухан хүүхдүүдийг хөнөөсөн дээрэмчдийн төрөл саданг оролцуулаад, энэ сууринд төрж өссөн байгаа. Тэд энгийн номхон иргэдэд гар хүрээгүй, залхаан цээрлүүлэх ажиллагаанд оролцоогүй. Гэвч тэднийг алчихлаа! Бүгэн нуугдаж байгаад заримыг нь машинтай нь амьдаар нь шатааж, нөгөө хэсгийг нь мод бутны цаанаас буудаж айхавтар муухайгаар хөнөөлөө. Тэдний нэгэн болох шархтанг дээрэмчид барин авч агуй руу авч явжээ. Та бүхэн манай цэргийн албан хаагчийг чөлөөлж авахад туслах ёстой боллоо. Миний түрүүний ярьснаар та нар энд төрж өссөн болохоор агуйг мэдэхгүй бай>/ аргагүй. Энэхүү сүлжээ агуйг самнахад надад газарчин хэрэгтэй байна. Та нараас хэн нь надтай болон манай цэргүүдтэй явах вэ?

Хариу хэн ч үл дуугаран нам гүм байх амой!

- Ийм байдаг байж! Тэгэхээр хэн ч бидэнд туслахыг хүсэхгүй байх шив дээ? Та нар зөвхөн булангийн цаанаас л буудахдаа мундаг байх нь ээ? Тэгвэл өөрөөр ярихаас даа, гэж хэлээд Владимир биеэ барьж чадахаа болив. - Хэвтээд! хэмээн гэнэт тэрбээр хажуудаа зогсох Громовыг хүртэл цочтол муухай бахираад, чеченьчүүдийн толгой дээгүүр автоматын урт ээлжээр галлахад суманд оногдсон ханын шавар тэдний дээрээс бөөн бөөнөөрөө цацран унах ажээ.

Бөөгнөрсөн олон агшин зуур газар элэглэн хэвтэж, эмэгтэйчүүд биеэрээ хаан хэвтсэн хүүхдүүд уйлалдаж, өвгөд толгойгоо дарцгаах амой.

Владимир дахин давтан асуулаа.

- Хэн биднийг агуй руу замчлах вэ гэж би асууж байна, үгүй бол та нарыг, чөтгөр рүү чинь тонилгохоор, танкаар няцлахыг тушаах болно шүү!

- Офицер оо, үг хэлье, хэмээн шороо тоос болсон сахалтай өвгөн толгойгоо өргөн хэлэв.

- Босоод ярь!

- Чамайг өөрийнхөө нөхрийг аврахыг хүсэж байгааг бид ойлгож байна, гэхдээ бидний дунд энэхүү агуйн сүлжээ гудамыг мэдэх хүн байхгүй гэдгийг тангараглан хэлье. Хүмүүс тийшээ явдаг ч үгүй, тэнд хийх зүйл хэнд ч байдаггүй юм!

- Би чамд итгэхгүй байна, өвгөн гуай!

- Итгэх эсэх нь чиний эрх, гэхдээ чи цусаар цангаад байгаа юм бол хүүхэд, эмэгтэйчүүдэд гар бүү хүр, намайг ал. Би та нар руу довтолсон довтолгоог зохион байгуулсан хүний үеэл ах нь байна! Намайг алаад, бусдыг нь үлдээ, тэд дээрэмчдээс болж бас л багагүй зовлон эдэлж байгаа. Гэхдээ чи намайг алаад юу ч олж долоохгүй! Чиний ял хэлэлцэх гээд байгаа эдний хэн нь ч агуйн нүх хонгилыг мэдэхгүй. Босогчид мэддэг учраас л тийшээ явцгаасан биз. Бид бол мэдэхгүй!

Бережнойн автоматны гол төмрийг Громов хажуу тийш нь болгов.

- Эднийг орхи, Володя! Тэд агуйн талаар мэдэхгүй байх бүрэн боломжтой.

- Хэрэв мэдэж байвал яах юм вэ? гэж Бережной хашхирав.

- Тэгвэл тэгээд буудаач дээ! Хүүхдүүдээс нь эхлээд нэг нэгээр нь алаач. Залхаан цээрлүүлээч! Дээрэмчидтэй адил алаач дээ!

Владимир буугаа доошлуулж, өвгөн рүү харж, ийнхүү өгүүлэв.

- Хүмүүсээ босгож, гэр гэр рүү явцгаа, тэдэнд хэн ч гар хүрэхгүй гэж хэл!

- Намайг яах болж байна вэ?

- Би чөтгөр рүүгээ тонил гэж хэлсэн шүү дээ! Гүйцээ! Та нарыг хармааргүй байна!

Өвгөн газар хэвтэх олон руу бөглөрсөн хоолойгоор юу ч юм хашхирлаа. Тэд ч шалавхан босож, аулаар тархан алга болцгоов. Төдөлгүй байшингуудын үүд хаалга ягштал хаагдаж, тэр битгий хэл нохойгоо ч хаа нэгтээ нуужээ.

- Нэг ээ! хэмээн Громовын холбооны хэрэгсэлд дуудлага ирж дуудав.

- Нэг холбоон дээр байна, гэж ахмад хариулав.

- Би-Хоёр байна, “Ми-8” эргэлдүүр ирснийг илтгэе. Хурандаа Яковлев ХАБА-ны хоёр офицертой ирээд байна.

Бережной холбоогоор ярих яриаг сонсоод.

- Яковлев уу? гэж тэрбээр Громовоос асуув.

- Тийм! Байдлыг шүүн тунгаахаар ирж байгаа нь лавтай!

- Одоо би түүнийг шүүн тунгаагаад өгье. Машинаа өгөөдөх!

- Тэнд БМД байна, харин Володя минь, чи түргэн зантай юм, хамт явцгаая. Үхрийн сүүлэн дээр хутга гээч болох бий!

- Надтай надгүй болох байлгүй, явцгаая!

Громов хоёр дугаар салааны даргыг дуудаж:

- Хоёр оо! Би-Нэг байна, миний араас явагтун!

Десантын байлдааны машин, талбар дээр хөглөрөх хүүр цогцос, утаа баагих “КамАЗ” болон БРДМ-ын сэгийг харан зогсох бүлэг офицеруудын өмнө очиж зогслоо. Бережной хуягтаас үсрэн бууж хурандаа руу очлоо. Түүний нүдний харцанд үзэн ядалт гэрэлтэх аму. Дагалдах офицерууд ахмадын замыг хаахыг завдахуйд, Яковлев тэднийг зогсоож:

- Ахмадыг явуул!

Бережной даруйхан хурандаагийн хээрийн дүрэмт хувцасны энгэрээс заамдан авлаа.

- Өлөгчингийн хүү, хурандаа чи хүрээд ирэв үү? Өөрийнхөө- гараар хийсэн зүйлээ харахаар ирэв үү? Хараач, муухай новш минь, эргэн тойрноо сайн хар! Энэ бүхэн чиний хийсэн ажил! Мал минь, чи биднийг хэдэн зоосоор худалдчихав аа?

Хурандаа, Бережнойн гарыг гэнэт чангаар мушгин өөрөөсөө салгав.

- Ахмад аа, бие барь! Болигтун!

- Болих оо? Харин хэн энэ хүүхдүүдийн төлөө хариуцлага хүлээх юм вэ? Хэн юм вэ гэж асууж байна? Үгүй бол, байнга л бичиж байдаг зайлшгүй тохиох байлдааны хохирол уу? Дайн шүү дээ гэх үү! Зөвхөн та нар энэ удаа ийм үзвэр тавиад өнгөрнө гэвэл худлаа болно шүү! Ойлгов уу?

- Ахмад аа, бүгдийг би хариуцна! Тайвшрахыг хүсье! Би чамайг ойлгож байна, тэгэхдээ намайг, тэр үед юу ч өөрчлөх боломжгүй байсан гэдэгт итгэл дээ! Зөвхөн хамгийн сүүлд л... Гэхдээ энэ нь өчүүхэн агаад оройтсон байж! Энэ аян хэрхэн төгссөн, хэчнээн хүн үрэгдсэнийг асуултгүй, өөрөө харж байна. Ахмад Антонов хаана байна вэ?

- Чи гарз хохирлын тухай мэдэж, харлаа гээд юу хийж чадах юм вэ? Дөчин гурваас тав, зургаан хүн л амьд үлдсэн! Ямархуу тоо сонсогдож байна вэ? Долоогоос нэг нь амьд үлдлээ. Антоны хувьд... Антон шархдаж унасан байсныг, агуй руу явсан дээрэмчдийн үлдэгдэл олзлон авч явсан.

Яковлевын гарын атгалт сулрангуут, Володя өөрийнхөө гарыг мултлан авч, тамхиа асаалаа.

- Хурандаа, тэд түүнийг хэрхэхийг төсөөлж байна уу? хэмээн Бережной аяархан асуулаа.

Яковлев, юу ч юм бодлогошрон үг дуугүй зогсох бөлгөө.

Владимир дараалан гурван янжуур татаж дуусах тэр үед хурандаа өөрийнхөө бодлогоширсон байдлаасаа салав.

- Хошууч аа, хэмээн өөрийгөө дагалдсан офицеруудын нэгэнд хандан хэлээд, эндэхийн газар орныг цэвэрлэх ажиллагааг зохион байгуул. Манайхны цогцсыг цуглуулж, Моздок руу нисдэг тэргээр илгээ. Тэдэнтэй цуг өөрсдийнхөө болон олзны зэвсгийг явуул. Чиний мэдэлд ахмад Громовыг үлдээлээ. Харин бид, Бережной чамайг авч хороо руу нисье. Босогчдоос Антоновыг хэрхэн гарган авахаа бодоцгооё.

- Чи энэ бүхнийг боломжтой гэж бодож байна уу?

- Үгүйсэн бол санал болгохгүй шүү дээ. Урагшаа!

Дөчин минутын дараа тэд хурандаагийн асарт байж байв. Бережной асуусан нь:

- Хурандаа, хоёр асуулт асууж болох уу?

- Асуу л даа.

- Нэгдүгээрт-бидний томилолтын үр дүнг батальон руу мэдээлсэн үү?

- Одоохон мэдээдхье. Энэ талаар цэргийн сувгаар л дамжуулах ёстой. Хоёр дахь асуулт чинь юу вэ?

- Булановыг занганд оруулсан уу?

- Хэцүү л асуулт байна. Чи мэдэх эрхтэй. Тийм гэх үү дээ!

- Тэр ямархуу байгаа бол, мэдээгүй биз?

- Ухаан орсон! Эхний мэдүүлгээ өгсөн. Эрүүгийн хэрэг нээсэн байгаа.

- Бүсгүй тэр хоёр руу хэн дайрсныг хэлсэн болов уу?

- Үгүй, Володя, дэд хурандаа өөр мэдүүлэг өгсөн.

Бережной гайхаж:

- Ойлгосонгүй?

- Сүүлийн үед батальоныг буудаж байсан мэргэн буудагчийг устгасан гэж тэр мэдүүлсэн. Тэр буудагч нь Лейла байсан гэсэн! Тэрбээр ганцаараа хаягдсан байшинд бүгэн отсон ажээ. Түүнийг амьдаар нь барьж авахыг хүссэн ч, бүсгүй эсэргүүцэл үзүүлсэн байна. Тэгээд л ухаанаа алдаж, Буланов эхлээд бүсгүйг хүчиндээд, дараа нь алахаар шийдсэн гэсэн.

Ярьж буй зүйлийг сонсоод ахмадын нүд орой дээрээ гарах шахав.

- Юу гэнээ? Чи өөрөө ярьж байгаад нь итгэж байна гэж үү?

- Би сонсож мэдсэнээ л ярьж байна!

- Энэ балай юмыг ярихыг дэд хурандаад тулгасан байлгүй дээ?

- Түүнд, Булановаас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж болно гэж үү дээ?

- Гэтэл тэрбээр яагаад чулуу хөөлгөөд байгаа юм вэ?

Яковлев ийнхүү тайлбарлав.

- Буланов Лейла хоёр бие биендээ дурлаж, дэд хурандаа бүсгүйг болон төрөл төрөгсдийг нь нутагтаа аваачих гэж байгаад амжаагүй юм. Тэдний нислэгийн өмнөх сүүлчийн уулзалтын үед, дээрэмчдийн талд ажиллаж байсан нэгэн болох хошууч Марков, тэднийг отон бүгэж бүсгүйг алах заавар өгсөн байгаа юм. Марковын тухай сонссон уу?

- Мэдээж! Энэ өөдгүй амьтан хаана байгаа вэ?

- Цувааг занганд оруулсныг оролцуулаад, энэ бүхнийг зохион байгуулсан генералын адил баривчлагдсан.

Владимир ийнхүү асуулаа.

- Марков, Булановт занга тавих ёстой байсныг чи мэдэж байсан уу?

- Үгүй.

- Мэдсэн бол саад хийх байсан уу?

- Мэдэхгүй байна!

- Ядаж л, шударга хариул л даа! Гэтэл яагаад чамайг баривчлахгүй байгаа юм вэ? Чи чинь тэдэнтэй хамт ажиллаа биз дээ?

Хурандаа санаа алдаж:

- Энэ бүхнийг хариу болгон намайг баривчлах ажил өмнө минь байгаа. Би хэдийгээр тэдэнтэй ажиллаж байсан ч энэ бүхний эсрэг байсан гэдэгт итгээрэй. Энэ бол урт удаан түүх. Тэгээд ч чамд огтхон ч хамаагүй хэрэг. Энэ бол миний хувийн эмгэнэлт явдал, ахмадаа, миний туулсан тэр бүхнийг чамайг бүү туулаасай гэж бурханд залбиръя. Буланов уу? Би түүнийг тухай яриагаа дуусгая! Амь үрэгдсэн Лейлагийн төрөл төрөгсөд бүү хэлмэгдээсэй гэсэндээ тэрбээр бүх бурууг өөртөө авсан юм. Чеченьчүүд, бүсгүйг орос офицертой гэрлэх гэж байсныг мэдэх юм бол тэдэнд л муу юм болно шүү дээ! Тийм ээ, тэдэнд юуных нь муу зүйл болох билээ гэж үү? Бүх төрөл төрөгсдийг нь уг үндсээр нь устгах байсан. Тэгээд л Буланов, нэгэнт өөрийнхөө хайр дурлалыг хамгаалж чадаагүй ч гэсэн бүсгүйд ойр дотно байгсдыг аврахыг оролдож байгаа нь тэр.

- Ойлголоо! Тэгэхээр, захирагчийн маань хувьд их л урт түүхтэй зүйл болох нь дээ, Антоны хувьд яая гэж бодож байгаа тухайгаа хариулаач?

- Чиний энэ асуултанд хэрхэн хариулахын өмнө би Москватай холбоо барих хэрэгтэй байна. Нөхөр хошууч аа, хэмээн Яковлев түүний дэргэд үлдсэн офицерт хандан хэлээд, намайг хурандаа Шелеховтай холбож өгвөл сайн байна!

Хошууч дуугүйхэн сансрын холбооны станц гаргаж ирээд, хэрэгтэй дугаарыг оруулж, хурандаад холбооны хэрэгслээ дамжуулав.

- Холбоон дээр Яковлев байна, нөхөр хурандаа!

- “Бамбар” ажиллагаа дууссан уу?

- Яг тийм!

- Цуваанаас хэн, хэчнээн хүн амьд үлдэж вэ?

- Тав зургаан хүн!

- Тийм үү... Гэртээ харих гэж байна уу!

- Энд, нөхөр хурандаа нэгэн асуудал үүсээд байна, гэж Яковлев илтгэв.

- Юун асуудал бил ээ? гэж Шелехов асуув.

- Ахмад Антонов шархдаж, дээрэмчдийн гарт оржээ.

- Чөтгөр гэж! Яагаад ийм юм тохиолдчихов?

- Бут цохигдсон дээрэмчдийн үлдэгдэл, шархдаж ухаангүй ойчсон ахмадыг агуй руу аваад явчихжээ.

- Эй, Антонов минь, Антонов минь... Санал болгох юу байна вэ?

- Хэрэв намайг үлдэхийг зөвшөөрвөл, би түүнийг гаргаж авахыг оролдоод үзье. Ямар нэгэн зүйл амлаж чадахгүй, гэхдээ оролдвол бүтэж юуны магад гэж бодож байна!

- Хүлээж байгаарай! Тийм шийдвэрийг би бие даан гаргаж чадахгүй! Алив би чамайг Кадышевтай холбоод өгье.

- Армийн генерал Кадышевтай юу?

- За юу болоов? Та нар нэг бус удаа уулзах нь гарцаагүйгээс хойш одоо яриагаа эхэлчих!

- Тэгье, нөхөр хурандаа! Холбогтун!

Хэдэн минут өнгөрлөө.

- Генерал Кадышев!

- Яковлев холбоон дээр байна!

- Мэдэж байна, Яковлев! Шелехов илтгэсэн! Ээ, Яковлев минь дээ, Яковлев минь... За яахав, та нарт бүх учрыг олох цаг өгье!

- Би олзлогдсон ахмадын тухай л ярьсан юм.

- Би мэдэж байгаа... Зүйтэй! Ажилла! Офицерыг гаргаад авах юм бол чамайг харж үзэх нэг шалтгаан болно шүү! Дэмжлэг хэрэгтэй юу?

- Тусгайгийн бүлэг илүүдэхгүй л байх!

- Чиний мэдэлд дэд хурандаа Согрины даргалсан “Хуй салхи” тусгай салбарыг өгөх тушаал би одоохон өгнө, тэд чам руу очно! Гүйцээ! Ажилла, хурандаа!

Яковлев харилцуурыг хошуучид өгөв.

- За тэгэхээр, Бережной, Антоныг эрж эхлэх үү?

- Чи энэ бүхнийг хэрхэн хийхээ мэдэж байгаа байлгүй дээ?

- Бодох хэрэгтэй байна. Одоохондоо чиний эхний асуултын хариуг мэдэхийг хичээе.

Хурандаа ердийн холбоогоор хэн нэгэнтэй холбогдлоо. Удаан ч ярьсангүй.

- Хэрэг явдал ийм байна! Анги руу Дудашев, Крамаренко хоёрын цогцсыг хүргүүлэхийн хамт та нарыг, ахмад Антонов болон Бережной нар тулааны талбарт амь үрэгдсэн тухай мэдээлсэн байна!

- Энэ штабын хар хэлтнийг! Би утсаар ярих хэрэгтэй байна!

- Хошууч аа! Дахиад станцаа өгөөч.

Володя сансрын холбоогоор Верагийн гар утасны дугаар руу залгасан ч огт дуугарахгүй байв. Штабын утсанд залгасан ч, холбоо яагаад ч залгагдахгүй байлаа. Ахмад энэ тухай хошуучид хэллээ. Тэрбээр аварга могой адил тайвнаар:

- Шалгаад үзье. Засагдахаар нь би танд хэлэх болно. Юрий Александрович, би гадагш гарах ажилтай болчихлоо!

- Тэг дээ, хошууч аа! Холбоогоор ханга, бидэнд асар удахгүй тун • их хэрэг болно!

- Засчихна. Зөвхөн асартаа байхыг хүсье. Алба тиймээс хойш ойлгох байх!

- Ойлголоо! Ахмад бид хоёр эндээ байж байя!

Хошуучийг гарахад, хурандаа Бережнойд санал болгож:

- Чи амар даа, Володя, харин би Антоныг гаргаж авахын тулд эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчаас хэнтэй нь уулзахаа бодож байя. Дээрэмчид түүнийг алахгүй. Тийм бараа үнэтэй байдаг юм.

- Хэрэв уурласандаа болоод алчихвал яах юм вэ?

- Түүнийг жалганд алчихад юу саад болсон юм вэ?

- Халхлалт болгож ашигласан байлгүй!

- Агуйд орохын төлөө юу? Гэвч тэд түүнийг гүн рүү авч явсан болохоор тэдэнд тэрбээр хэрэгтэй л байна даа! Хурдан ажиллах хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна, гэвч хэрхэн холбоо барих вэ? Гэнэтийн гэмтэл! Хиймэл дагуулд л нэг юм болохгүй болж дээ. Тийм зүйл тохиолдож байдаг л юм.

- Энэ тохиолдолд юу хийдэг вэ?

- Нөөц хиймэл дагуулыг залгадаг юм. Гэхдээ үүнд цаг орно. Залгаад, хэрэгтэй тойрог замд оруулах, харьцаа тогтоох гэсээр байтал арваад цаг болох байх. Өглөө гэхэд бүх зүйл хэвийн болсон байна гэж бодож байна. Өглөө болоход ажиллагааны төлөвлөгөө бэлэн болсон байх болно.

- Хурандаа, чи хичээж үзээрэй. Чамаас хичээнгүйлэн гуйя!

- Тэгье, ахмад аа. Амар! Надад тайвшруулах эм байгаа, хэрэглэх үү? Энэ бүх тамын дараа нойр чинь хүрэх болов уу?

- Чи ажлаа л хий. Миний төлөө санаа бүү зов!

Хурандаа түшлэгт сандлаа налан бодлого болох амой. Владимирын хувьд толгой дэрэн дээр шүргэв үү, үгүй юу дуг нойронд дугжрав.


Top
   
PostPosted: Sep.22.17 5:43 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Хошууч Крамаренко, ахмад Антонов болон Бережной, ахлах ахлагч Дудашев нарын даргалах бүрэлдэхүүнтэй цуваа, хүчээр илүү дайсантай хүч тэнцвэргүй тулаанд орж сүйрсэн тухай мэдээ хоёр дахь өдөр нь ангид ирлээ.

Ангийн захирагч эхлээд утсаар дамжуулсан мэдээг хүлээн авав. Түүнд дивизийн шуурхай удирдлагын жижүүр уг мэдээг дамжуулан мэдээлэв. Нэг бус удаа тохиолдож байдагчлан, албан үүргийн дагуу энэ бүхнийг хийх үүрэг хүлээгч хэрэг явдлыг газар дээр нь бүрэн шалган тунгааж, тодруулсангүй. Цуваа сүйрсэн тухай десантын дайралтын ротын захирагчийн эхний мэдээг хүлээн аваад, тэд хохирлын талаар давтан асуулгүй шууд л хүч тэнцвэргүй тулаанд цуваа бүрэн сүйрсэн тухай дээд удирдлагадаа мэдээлэхийг л яарав. Тэгээд бүгд амь үрэгдсэн тухай батлагдаагүй мэдээллийг шат шатны цэргийн албаныхан хасалгүйгээр явуулцгаав. Уг мэдээ штабаас штабт дамжихдаа эх сурвалжаас авсан үнэн мэдээлэл болон хувирах ажээ.

Албан өрөөндөө хошууч Семенов суух агаад түүнд мэдэгдсэн аймшигт мэдээллийн утга учрыг бүрэн дүүрэн ойлгож чадаагүй л байлаа. Түүний хүмүүс алагджээ. Хаана гэдэг нь ойлгомжгүй байдаг! Хэний, ямар даалгаврыг гүйцэтгэсэн болж байна вэ? Тэрбээр, зөвхөн хүүхдүүд хүч тэнцвэргүй тулаанд орж, амь өрсөн тулалдсаар унасан гэж л мэдэж байх амой.

Семенов өөр рүүгээ хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч хошууч Варфоломеевыг дуудав.

- Суугтун, Александр Сергеевич

- Хошууч уй гашуугаа үл нууж хэсэгхэн чимээгүй сууснаа, аяархан ийн хэлэв.

- Крамаренко, Антонов, Бережной, Дудашев... алагджээ.

- Юу?! Яагаад алагддаг билээ?

- Одоо ямар ялгаа байх билээ! Тэднийг цуваатай явуулсан гэсэн. Хаашаа? Хэн ч мэддэггүй. Аян нь хүч тэнцвэргүй тулаанаар төгссөн байна. Цуваа айхавтар ноцтой отолтонд орж, бүх бүрэлдэхүүн нь үрэгдсэн бололтой.

- Чихэндээ ч итгэмээргүй юм. Энэ бүхэн хэрхэн болдог байнаа?

- Хэрхэн гэдгийг чөтгөр л мэдэх байлгүй! Үгийг чинь тасалсан бол, уучлаарай, өөрөө ойлгох байх... Чи арван цагт бүх нийтийн цуглаан зохион байгуул, харин би одоо Вера Крамаренко, Дарья хоёртой уулзая. Өөрөө л энэ аймшигт мэдээг дуулгахаас. Дараа нь ангид гашуудал зарла. Дивизийн штабтай холбогдож, шарилыг хэзээ хүлээн авахаа мэдэж соёлын төвөө салах ёс гүйцэтгэхэд бэлд, энэ тохиолдолд юу хийхээ чи мэдэж байгаа байлгүй. Ямар анх удаагаа хүүхдүүдээ алдаж байгаа биш. Шарилыг хүлээн авсны дараа хойшлуулалгүй Антонов болон Бережной нарын төрөл төрөгсөдөд мэдэгд.

- Би бүгдийг ойлголоо, гэхдээ... энэ бүхэн толгойд нэг л багтахгүй байх чинь.

- Багтаа. Цаг нь ирэхээр бүх юм багтах болно. Над руу Вераг урихаа битгий мартаарай!

Хормын дараа албан өрөөнд, үл ялих сээтгэнүүр зантай ч цаг үргэлж сайхан харагдах, амьдралын баяр баясгалан гэрэлтсэн эмэгтэй орж ирлээ.

- Дуудсан уу?

- Орогтун, Вера Михайловна, сууж ажааму.

- Харин та чинь хар өглөөгүүр яасан гунигтай байх юм вэ? Үгүй бол... гээд гэнэт аймшигт мэдээг тааварлан түүний нүүр барайлаа. - Эр нөхөрт минь муу зүйл тохиогоо юу?

- Вера Михайловна! Таны нөхөр хошууч Крамаренко Геннадий Семенович засгийн газрын даалгаврыг биелүүлж яваад хүч тэнцвэргүй тулаанд баатарлагаар амь үрэгдлээ.

- Юу???

Эмэгтэйн нүд дүгрэглэн томорсноо, тэрбээр бараг л шивнэх шахан давтан асуусан нь:

- Та юу гээд хэлчих вэ?

- Вера Михайловна минь, Геннадий амь үрэгдсэн байна. Илүү хүчтэй дайсантай тулалдаж байгаад. Яг энэ цагт миний мэдэж байгаа зүйл л энэ байна.

- Бурхан минь! Яагаад ингэдэг байна аа?

- Вера минь дайн амь үрэгдэгсдийг сонгодоггүй юм. Энэ дайныг хараал идээсэй.

Бүсгүй сандал дээр сууж, нүүрээ гараараа дарав. Түүний мөр нь чичигнэн хөдлөх ажээ.

Захирагч дуугүй суух агаад тэрбээр өөр юу хийж чадахсан билээ.

Дараахан нь Вера нулимс дүүрэн нүдээ өргөж:

- Би гэр рүүгээ явж болохсон болов уу?

- Тэгэлгүй яахав. Хүүхнүүдийн нэгийг тан руу явуулах уу? Ганцаардах болов уу л гэж шүү дээ?

- Хэрэггүй дээ! Харин үлдсэн нь яасан вэ? Тэр тулаанд нөхөртэй минь хамт байлдагсадыг хэлж байна юм шүү?

- Бүгд амь үрэгдсэн, Вера минь. Антонов ч, Бережной ч, Дудашев ч гэсэн.

Верад хөл дээрээ арай чамай л тогтож байх шиг санагдавч, юутай ч гарахынхаа өмнө ийн асуулаа.

- Залуусыг энд хэзээ авчрах вэ?

- Мэдэхгүй байна. Дивизээс асуусан. “Ирмэгц нь шууд явуулна” гэсэн хариулт өгсөн. Тэд, эндээс алс хол газар амь эрсдсэн гэсэн. Гүржийн хилийн ойролцоо.

Бүсгүй босож, нулимсаа арчаад, үг дуугүй гарч одлоо.

Захирагч тамхиа асаалаа. Одоо Дарьяд хэлэх л үлдлээ. Чөтгөр гэж! Энэ чинь яасан хэцүү ажил юм вэ!

Өглөө, 7:00-д Бережной хошуучаас, холбоо засагдсан эсэхийг хамгийн түрүүнд асуулаа.

- Бүгд хэвийн, ахмад аа!

- Сонсооч. Намайг гар утсанд холбоод өгөх үү? Би одоохон дугаарыг нь хэлье.

- Май, хэмээн хошууч аппаратаа Володяд өгөөд, кодыг яаж хийхээ өөрөө мэдэх байх, ярь л даа! Би гарлаа, ажил байна.

Бережной, гэнэт чичигнэн салгалах хуруугаараа дугаарыг цуглуулан дарав.

Десант шүхрийн хорооноос хэдэн зуун километрийн холд суугаа бүсгүй алчуур нөмрөн бараг бүхэл шөнөжин унталгүй түшлэгт сандалд шигдэн сууж... тасралтгүй уйлсаар байсан бөлгөө. Тэрбээр зөвхөн өглөөний таван цагт л өөрийн эрхгүй унтлаа.

Тиймээс гар утасны уянгалаг ая бүхий дуудлага удтал хангинасаар түүнийг сэрээв. Эцсийн эцэст бүсгүй, түүний түгшүүрт нойрон дунд дуурсах аялгууны учрыг ухаарав.

Вера гар утасны товчлуурыг дарлаа.

Харилцуураас дуулдах хүний дуу хоолойг сонсоод бүсгүй агшин зуур өөрийн эрхгүй чичрэн дагжлаа.

- Вера! Вера! Чи намайг сонсож байна уу?

- Во-во-Володя юу?

- Тийм ээ! Танихгүй байна уу, хонгор минь?

- Гэхдээ чи хаанаас ярьж байгаа юм вэ?

- Вера, чи юу болоов?

- Та нарыг чинь, гээд түүний хоолой мэгшсэний улмаас чичрэн сааралтаж, бүгд амь үрэгдсэн гэсэн шүү дээ!

Бережной ийнхүү асуулаа.

- Тэгээд анги руу ингэж мэдээлээ юу?

- Тийм! Харин үгүй гэж үү... Бурхан минь би юу асууж байнав. Володенка, чи амьд гэдэг чинь үнэн үү?

- Мэдээж би л байна ш дээ, Вера!

- Тэгэхээр, ангид ирсэн мэдээлэл худлаа болж байна уу? Владимир тайлбарлав.

- Бүр ч ор тас биш! Бид үнэн хэрэгтээ нэлээн их хохирол амссан. Дөч гаран хүмүүсээс гарын таван хуруунд тоологдох хүн үлдсэн. Крамаренко, Казбек хоёр үнэхээр алагдсан. Харамсалтай нь энэ үнэн!

- Бурхан минь, би энэ шөнийг хэрхэн өнгөрөөснөө ч мэдэхгүй байна!

- Тайвшир даа, хайрт минь, би амьд! Мэдээжийн хэрэг, Крамаренко...

- Гол нь чи минь амьд байна! Харин Гена юу? Тэр минь өөрөө л үхлээ зөгнөөд байсан юм, чамд би ярьсан даа, санаж байна уу?

- Санаж байна!

- Володенька, чамайгаа би хэзээ харах юм вэ?

- Вера, чи минь ойлгоорой, би жаахан саатах байх!

Бүсгүй, бодит байдалтай бүрмөсөн эвлэрээгүй байсан болохоор түгшиж:

- Чи шархдаа юу?

- Үгүй дээ, өөр ажил байна! Антоныг “чех”- үүд олзлон авсан. Би түүнийг энд орхиод явж чадахгүй! Би түүнийг гаргаж авах ёстой! Вера, намайг ойлгож байна уу?

- Чи ганцаараа ямар нэгэн юм хийж чадна гэж үү?

- Би ганцаараа биш!

- Тэгэхээр, дахиад л үхэл рүү явах нь ээ?

Яриагаа сунжруулж болохгүй нь гэдгийг ойлгоод, ингэхгүйгээр яриагаа тасалж болохгүй байсан тул Володя холбооны саатал болж буй мэтээр:

- Вера!

- Володя, би чамайг сонсож байна!

- Вера! Чөтгөр аваг, хошууч аа, холбоо чинь юу болоод байнаа?

- Володя! Би чамайг сонсож байна! гэж Вера харилцуурт хашхирах амой.

- Вера! За яахав, гол нь тэрбээр амьд гэдгийг мэдэж авсан.

Бережной холбоог унтраав.

За боллоо. Тэднийг аль хэдийн үхэгсдийн дансанд бүртгэчихсэн байдаг байна шүү, энэ штабынхан! Ийм л хүмүүстэй хамт байлдаж байна даа! Газрын зурган дээр... тоглож байдаг!

Хурандаа Яковлев хэвийн байдалдаа орчихсон, санал болгож:

- Ахмад аа, суугтун. Би нэг гарц олох шиг боллоо. Чамд холбооны хэрэгсэл байна уу?

- Тийм. Энэ байна.

- Түүнийгээ надад өгөөдөх. Хошууч аа! хэмээн тэрбээр орж ирсэн хошуучид хандан хэлэв.

- Таныг сонсож байна.

- Би гарц олох шиг боллоо. Хэрэв Антон амьд байх л юм бол түүнийг гаргаж авах муугүй боломж бидэнд байна. Би тоглоомоо эхэллээ. Ялангуяа та, хошууч аа, гэрч болно шүү!

- Би анхааралтай сонсож байна!

Хурандаа хэн нэгний дугаарт залгав. Түүнд хариулав.

- Курбан уу? Яковлев байна! Надад Их Чингизтэй холбоо барих хэрэг байна! Яаралтай! Босс мэдэж байгаа! Хэн ч биднийг сонсохгүй, чи намайг арай сонирхогч аятай бодоод байна уу? Хэзээ? Тохирлоо! Тэгэхээр одоо бут цохигдсон Грекийн хүмүүст орос офицер байгаа. Ахмад Антонов. Тэрбээр боссод хэрэгтэй байна. Хэрэв энэ ахмадыг устгах юм бол бидний цаашдын хамтын ажиллагаанд томоохон асуудал үүсэх болно... Тийм. Ойлгож байна... Би бүгдийг ойлгож байна. Аль болохоор хурдан офицерыг эрж олох болон намайг Их Чингизтэй холбоо барих арга хэмжээ ав. Миний холбоо барих кодыг тогтоож ав... Тогтоов уу? Курбан яаралтай шүү! Юу?... Грек үү?... Тэр армид байхын уул руу татагдаж байсан юм, мангуу амьтан! Түүний бөөгнөрүүлсэн хүчийг сансрын тагнуул илрүүлчихсэн. Бид юу ч хийж чадаагүй. Тэрбээр юу бодож зургаахан машинтай цувааг дайрахын төлөө хэдэн зуун хүн бөөгнөрүүлснийг өөрсдөө шүүцгээнэ биз ээ? Тэгээд бас замаар нэг алаан хядаан үүсгэж байдаг! Болж өнгөрсөн бүх хэрэг явдалд Грек өөрөө л буруутай! Түүнээс болж, бид боссын хамт золтой л бууны аманд өртчихсөнгүй... За за, хэлэлцэнэ биз! Та бүхний нөхцөл байдал цаашид төвөг бэрхшээлгүй байхын тулд намайг Их Чингизтэй холбоо бариулах болон ахмад Антоновыг эрж олохыг зөвлөх байна. Мэдээжийн хэрэг, түүнийг золиос төлж авах болно! ... Тийм! Гүйцээ! Холбоо дахин барьтал! Хэрэгтэй хэрэггүй юмаар бүү яршиг төвөг удаарай!

Хурандаа холбоогоо унтраав. Офицерууд руу харж:

- Энэ бол бидний цорын ганц ахмад Антоновыг аврах бодит боломж байгаа юм.

Тэрбээр зөөлөн сандлын түшлэг налан, тамхиа асаалаа.


Top
   
PostPosted: Sep.23.17 1:32 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
ёо ямар аймшигтай тулаан бээ??? уншихаас ч айдас хүрмээр юм, урвагчид баригдсан нь маш сайн, гэвч Антон ...түүнийг суллаж чадах байгаа гэж найдах л үлдлээ, бөөндөж бгаад баярлалаа Surfer, чи ингэхэд surfing хийх дуртай юмуу


Top
   
PostPosted: Sep.23.17 1:33 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
энэ яковлевт бас хүн чанар үлдсэн нь яамайдаа тээ


Top
   
PostPosted: Sep.23.17 10:55 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ

Буйдхан хавцлын арын налуу энгэрээр тархан байрласан аулын дээгүүр аргалын утаа хөшиглөн униартана. Нар уул нуруудын цаагуур жаргаж байв. Бүрэнхий болсон ч урьдын адил бүгчим халуун агаад тоос шороо пургих амой. Дөнгөж саяхан төв гудамжаар цөөн тооны хонин сүрэг хөөн ирэв. Хаалга болгоноос хүмүүс гарч ирж, сүргийг хашаанд хөөн оруулах ажээ. Үндсэндээ эдгээр хүмүүс настай чечень эрс байх бөлгөө. Хаалга хаагдаж, өндөр хашааны цаадах амьдрал гадаад ертөнцөөс таслагдан нам гүм болов.

Хамгийн том байшинтай нэгэн хашааны хаалга хаагдсангүй. Тэнд амьдрал буцалж байлаа. Уужим цэлгэр хашааны дунд асаасан түүдэг тойрон эрчүүд суух ажээ. Зэргэлдээ нь автомат болон винтовоо амаар нь тулган суврагалан босгосон байх амой. Агаарт анашийн хурц үнэр ханхлах ажгуу. Байшинд гэрэл асаалттай байх амой.

Хашааны буланд сараалжин тагтай, шат гишгүүргүй гүнзгий нарийхан нүхэнд хоригдогч өөрийнхөө хувь тавиланг хэрхэн шийдэхийг хүлээн суух бөлгөө. Энэ бол Оросын армийн ахмад Сергей Антонов байлаа. Арай оройхон Ваха Караев буюу Их Чингиз хэмээн нэрлэдэг үл эвлэрэгчдийн нэр алдартай болоод догшин ширүүн зантай чийрэг том бие бялдар бүхий хээрийн захирагч өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой байлаа. Тэрбээр Сергейн хувь тавиланг шийдэх шийдвэрийг өөрөө авч ирэх ёстой бөлгөө.

Энэ тухай ахмадад өмнө нь, газар доорхи нарийхан, чийгтэй гүнзгий нүхнээс түүнийг татаж газрын гадарга дээр гаргаж мэдэгдсэн билээ. Шоронд тэрбээр, их ч үгүй, бага ч үгүй долоо хоносон байлаа.

Хөлсний дээрэмчдийн толгойлогч том амт Али нь Их Чингизд захирагдагсадын нэгэн болох бөгөөд Грекийн бут цохигдсон дээрэмчдээс амьд үлдсэн гурван цэрэг Сергейг тухайн цагт орхисон байсан настай чечень эрээс шархтай офицерыг худалдан авсан ажгуу. Эсгий олбог дээр сууж байсан Али, ахмадыг байшинд оруулж ирмэгц:

- Өнөөдөр орос эр чиний хувь тавиланг шийднэ. Чиний төлөө төлбөр төлөөсэй гэж өөрийнхөө бурханд залбир. Үгүй бол чи урт удаан, зовлон зүдгүүр эдэлж үхэх болно.

Дээрэмчний өмнө Сергей өвдөн эмзэглэх хөл дээрээ зогсож, түүний сүүмгэр өнгөгүй нүд рүү харахгүй байхын хичээх бөлгөө. Энэ бүхэн нь Алид таалагдсангүй.

- Гахай минь, нүд рүү хар! Хэрэв Чингиз золионы мөнгө авчрахгүй бол би чамайг харгалзах болно. Би чамайг хэдэн хэсэг тасар татан нохойд хаяж өгөх хүртэл миний хөл дор шавар шавхай, өтгө живхэнд хутгалдаж байх болно. Удаан тарчилж үхнэ дээ, буруу номтон минь.

Энэхүү хар тамхинд мансууран ухаанаа алдсан дээрэмчний үгийг Антонов чагнангаа цонх руу ширтэн зогсов. Цонхны цаана уул руу зүглэсэн нарийхан жим харагдана. Авралын жим. Амьдралын жим зурайх бөлгөө. Энэ жимийг гагцхүү түүнд зориулан бүтээгээгүй нь харамсалтай. Үгүй шүү, түүний замнах жим биш.

- Орос оо, юуны тухай бодож байна вэ? гэж том амт асуугаад анаша татаж, утааг нь агаартай хамт бөөн бөөнөөр нь сорох ажгуу.

- Үхлийн тухай л бодож байна.

- Тийм үү? Түүний талаар чи юу боддог билээ?

- Газар дэлхий дээрх бүх хүмүүс төрсөн цагаасаа л үхлийн ялаар шийтгүүлсэн болой. Бидний дээр байгаа тэр л зүйл ингэж шийтгэж дээ. Нэг л ялгаа байгаа. Амьдарч буй болгон өөрийн гэсэн хугацаатай. Удахгүй би үхнэ, дараа нь чи үхэж болзошгүй. Магадгүй, чи өмнө нь үхэх ч юм бил үү. Хэн мэдэх билээ? Мөнх амьдарсан хэн ч байхгүй. Чи ч над шиг үхэх ялаар шийтгүүлсэн болой.

- Сайхан хэллээ, орос оо, чи эр хүн юм! Гэхдээ чи хүн бүр өөр өөр үхдэг гэдгийг нэмж хэлэхээ мартчихлаа. Нэг нь урт удаан насалж, төрөл төрөгсдийнхөө хүрээлэлд зөөлөн дэвсгэр дээр үхдэг. Нөгөө нь хараал зүхэл, зовлон зүдгүүр туулж, шавар балчигт хутгалдан үхдэг юм. Яг л ийм байдаг юм.

Тэр орос хэлээр харьцангуй зөв ярьж байсан тул орчуулагчийн шаардлагагүй байв.

- Нохой минь, дахиад чамд хэлье. Хэрэв чамайг золиос төлж авах юм бол эндээс явахдаа санаж авч, бусдадаа дамжуулаарай. Оросуудын хувьд Чечений уулс-үхэл юм. Бидэнтэй дайтах ч-үхэл. Та нар хэчнээн удаа ирлээ ч, Шамилийн ариун дайны цаг үе шиг бид, бидний үр хүүхэд, ач зээ нар маань цаг үргэлж та нарын хоолойг хэрчих болно. Хонь хэрхэн гаргадаг шигээ л хэрчих болно. Та нар биднийг боолчлолдоо хөөн оруулахаар шийдсэн ч, бид-уулынхан. Хэн ч уулынханыг уулын хуулиас өөр хуулиар амьдрахыг албадаж чадахгүй. Та нар манай угсааныханыг хэдий чинээ ална, төдий чинээ бид зуу, мянга дахин их алах болно. Жихад бол ариун дайн. Орос орон цусанд хахаж цацах болно. Энэ бүхнийг санаж ав, орос оо!

- Чи хүндэтгэлтэй өндөр наслах тухай бодлоор өөрийгөө тайвшруулах хэрэггүй гэдгээ мэдэж ав. Али чи, зөөлөн дэвсгэр дээр хүндэтгэлтэйгээр үхэхгүйг би яг мэдэж байна, сайндаа л чамайг галзуу нохой адил буудах болно. Бүр муугаар хэлбэл, чи намайг заналхийлж байгаа шиг урт удаан хугацаанд зовон тарчилж, хэдэн хэсэг тасар татан хаягдана! Чам шиг шаарнууд өндөр насалж, ор дэрэн дээр үхдэггүй юм. Харин чамд захирагдагсад зэвсгээ хураалгахгүй юм бол уулынханы хуулиар амьдрах хүн үлдэхгүй л болов уу. Арабууд явчхаар хэнтэйгээ хамт байлдах юм вэ, баатар минь? Та нарыг өөрийн чинь үндэс нэгт чеченьчүүд боож алах болно, миний үгийг тогтоож ав!

- Аа чи муу орос нохой! Эр хүн! Чамд би хүндэтгэл үзүүлж өөрийн гараар ална!

- Бас миний бурханы өршөөл ивээл аугаа их шүү! Харин чи түүнтэй хамт нөгөө ертөнцөд очихгүй юм уу. Али?

Чечень эр өргөн хутгаа шүүрэн авсан ч бие барьж, ийн хашхирлаа.

- Хөөе! Харуул! Түүнийг байранд нь аваач.

Хоёр залуу араб эр Антоны гараас шүүрэн авч, тэрбээр бараг өөрөө хөдөлж чадахаа больсон болохоор чирсээр нүх рүү авчирч шидэв. Том амтын хэлэх гэсэн үгийг офицер залууг нүхнээс гаргалгүйгээр хэлж болох байсан ч, түүнийг олсоор өргөн гаргасан болой. Арабын хөлсний цэргүүдэд, тэдний үзэн ядагч, бэртэж гэмтэн, хүч тэнхээгээ барсан, тусламж дэмжлэггүй оросын залуу офицерыг хоёр метрийн өндрөөс дахин шидэх нь тэдэнд зэрлэг бүдүүлэг баяр хөөр төрүүлдэгт ажгуу. Гэвч, ахмад ч өөрийнхөө хувийг тавьдаггүй агаад ядаж л хараан зүхэх нь түүний чадах ганц зүйл болой.

Чулуурхаг ёроолд шидэгдэн ойчихдоо тэрбээр өвдөхийг ер мэдэрсэнгүй. Түүний баруун гарыг буудаж, хананд чичлүүр хутгаар зүүн гарыг нь хадсанаас хойш тэрбээр өвдөхийг огтхон ч мэдрэхээ больсон юм. Үргэлжлүүлэн хавиргыг нь хугалж, шүдийг нь цөм цохиход ч мэдрээгүй амой. Хагас цовдлоостой, хагас дүүжлээстэй тэрбээр хоног болсон авай. Тэр үед ч өвдөхийг мэдэрсэнгүй. Бусдын тарчлан зэрэмдэглэгдсэн бие аятай үлдсэн ч, хачирхалтай нь ухаан санаа нь гайхалтай саруул байж, амар амгалан байлгасангүй. Эсрэгээр байсан бол дээр байхсан. Антоновын хувьд дээрэмчдийн толгойлогчийн хэлсэн үг шинэ юм биш байлаа. Түүнийг дээш нь татан гаргах бүрт тэрбээр тиймэрхүү үг сонсож л байдаг юм. Тэгэхээр тэрбээр иймэрхүү балайралд анхаарал тавихаа больсон билээ. Толгойд нь нэгэн дууны үг, аяны хэсгээс орж ирэв:

...Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэн дээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Энэ дуу яагаад түүний толгойд дуурсана вэ? Тэрбээр өмнө нь энэ дууг ганц нэг сонсож байсан ч энэ нь аль эртний хэрэг бөгөөд яг л энэ хэсгийг цээжлэн, дахилтыг үл ялих өөрчлөн байнга аялдаг байсан амой:

... Булшинд орохынхоо өмнө

Үнсэхсэн дээ би өнгөлөгхөн уруулыг чинь.

Чухамхүү одоо л, булшинд орохын өмнө байна даа.

Одоо бол булшинд ороход ялихгүй багахан цаг хугацаа үлдсэн нь лавтайяа үнэн. Энэ бүхнээс улбаалан энэ дуу эгшиглэв үү? Сергей энэ зовлонт үгнээс салж, сатаарах гэж оролдсон ч, уул үг цус нөж нь дааварласан шархан дээр нь шавааран наалдах ялаа адил түүний зүг бүрээс шавааран тархи толгойноос нь салж өгөхгүй байлаа.

Толгой тархи нь эцсийнхээ хүчийг шавхан ажиллаж, гавлын хайрцагнаа уулын ширүүн урсгалт гол нарийхан эргэндээ багтаж ядан урсах мэт есөн шидийн бодол бодрол төрөх авай. Энэ л бодол бодролоос болж заримдаа худгийн дугуй чулуун ханыг мөргөж толгойгоо бяцалмаар ч болох үе тохиох ажээ. Эдгээр бодол бодрол Антоныг заримдаа өнгөрсөн цагт, буцаагаад одоо цагт авчрах болой. Энэ бүх зовлон зүдгүүр, ахмад Антоновыг хэрэгцээгүй болж элэгдэж хуучирсан хувцас адил худалдсан тэр мөчөөс л өдийг хүртэл үргэлжилж байгаа билээ. Хэрэв өвгөн алдаа гаргаагүйсэн бол... Бүх юм ондоо байхсан билээ. Гэвч нөхцөл байдал чечень өвгөнд өөр сонголт олгоогүй юм. Сергей ч сэтгэлийнхээ гүнд гуниг шингэсэн номхон харцтай өвгөнийг ойлгож байлаа. Тэгээд ч буруушаах сэтгэл төрөөгүй аму.

...Булшинд орохынхоо өмнө

Үнсэхсэн дээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Чөтгөр гэж! Ондоо юм бодохгүй бол энэ дуунаас болж солиорч магадгүй. Харин энэ нь дээр ч юм бил үү? Үгүй бол тэрбээр аль хэдийн солиорсны улмаас түүний эргэн тойрны бүх зүйл бодит бус, өвчтөний сэтгэцийн үр дүн үү? Үнэн хэрэгтээ тэрбээр хаа нэгтэй “галзуугийн” эмнэлэгт хэвтэж, сэтгэлийн гүнд нь үлдсэн аймшиг салахгүй байна уу?

Үгүй! Солиорно гэдэгтээ эргэлзэж байна. Тэрбээр энэхүү аймшиг зовлон зүдгүүр дунд амьдарч байгаа ч, түүнд, ахмад Антоновт аймшиг зовлон зүдгүүрээс гадна бас дурсан санах дурсамж үлдсэн. Тэдгээр дурсамж сэтгэл зүрхийг нь хэмлэж, улам их шархлуулах болой. Ялангуяа түүний өнгөрсөн үед холбогдох, энэ бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрийн гаднах цэргийн ангитай холбоотой дурсамжууд.

Өдгөө зэргэлдээ ирээд байгааг нь бие сэтгэлээрээ бараг мэдрэн буй үхэл энэхүү галдан шатах уулсын дунд байгаагүй бол байхгүй байх байсан. Дайн ч байхгүй байхсан. Үнэндээ, дайн тулаан дүрэлзэж байгаа ч, тэрхэн мөчид түүнд шууд хамааралгүй байх байлаа. Харин алслагдсан буйд цэргийн хүрээнд л байж байхсан. Бүүр сүүлд л энэхүү дайн тулаанд тэдний батальон хамрагдсан юм. Аянд гарч эхэллээ. Ганц нүдэт Бекмураз мэтийн дээрэмчид цувааг агнахаар хөөцөлдөх үед бол заримдаа хэцүү ч, заримдаа амархан л байдаг байсан. Үнэндээ цаг үргэлж эрсдэл дагуулж байдаг ч, эрсдэлд дасан зохицож, тооцож, тэр битгий хэл тэрбээр, түүний захирагдагсад өдөр тутмын ямар нэгэн ажиллагаанд бэлэн байдаг байв. Зөвхөн энэ сүүлчийн аян л дээд тушаалын дарга нарын урвалтын үнэ цэнээр айхавтар том хэмжээний хохирол амсаж, эхлээд цувааг үхэл рүү илгээснээр Оросын армийн офицер түүний бие өмхий үнэртсэн нүхэнд, хэн нэгэн мансуурсан хөлдүү толгойн гарт амиа өгөхөөр бэлдээд сууж байх гэж бодохоос Сергейд гомдолтой байлаа! Туслах хүч иртэл ердөө л хагас цаг тогтоон барих л үлдээд байсансан. Бутнаас гал нээсэн буудагчийг устгаад, ноёлох өндөрлөгийг эзэлж, тогтоон барих л байсан юм.

Гэвч хувь тавилан энэ цаг хугацааг олгосонгүй, хэрэг дээрээ дайсны шидсэн ганц гранат л амьдралыг нь тасалчихлаа. Яагаад галаар халхлах ёстой байсан цэрэг, тэр тохиолдолд үүргээ гүйцэтгэсэнгүй вэ? Яагаад ухаан алдан ойчсон шархтай офицероо хамгаалж шөргөн гал нээсэнгүй вэ? Түүнийг амьдаараа дээрэмчдэд баригдах боломж өгөхгүй байж болоогүй юм уу? Даргаа босогчдын цэргийн сумнаас цэргүүд хамгаалж чадахгүй байж болох ч, түүнийг олзлон авах боломж өгөхгүй байх үүрэгтэй биз дээ! Гэвч энэ үүргээ биелүүлсэнгүй. Яагаад? Цэргүүд өөрсдөө тэр цаг мөчид амь үрэгдчихсэн баймааргүй юм аа? Тэгж ч бас болох л юм. Одоо таах гээд ч яах юм билээ? Тэрбээр одоо амь голтой, бэртэж шархадсан, тамлан зэрэмдэглүүлж, кавказын “найрсаг зочломтгой” зан заншлын бүхий л сайн талыг амсчхаад байж байна. Маргааш үхнэ! Түүний араас хэн уйлах бол оо? Түүнийг худалдсан түшмэд үү? Үгүй бол өөр хэн нэгэн үү? Санаа сэтгэл гэж байна уу? Тэдэнд хэн нэгэн ахмад юу юм вэ? Түүн шиг нь хэдэн зуугаараа нүхэнд амьдаараа өмхийрч, хэн нэгэн галзуу Тракторчны толгойд буруу номтны толгойг таслах бодол орж ирэх тэр цагийг хүлээж суугаа болой. Аллахын алдар нэрийг мандуулахын тулд хүнээр өргөл өргөх зэрлэг араатны хүслийг нь хангахыг хүлээж шүү! Саяхнаас л Сергейд төрөх болсон амьдралын хэв маягаа өөрчлөх тухай бодлоо бодохоос нэг л харамсалтай байв. Энэхүү амьдралын тухай санаа бодол, түүнийг эр цэргийнхээ үүргийг биелүүлж явахтай давхцан бий болсон амой. Тэрбээр Маринаг хайрлах болсон агаад энэ нь юуны түрүүнд өөрт нь ч гэнэтийн зүйл болсон ажгуу. Бүсгүйг эртнээс танихаас гадна, түүнтэй хэд хэдэн удаа унтаж байсан ч, ганцхан шөнө л бүх юм орвонгоороо эргэсэн билээ. Хэрхэн тэр билээ? Тэгээд ч Антон, тэрбээр бүсгүйд гэрлэх санал тавихад бэлэн байлаа! Энэ бол тоглоом биш гэдгийг, ялангуяа ахмадыг мэдэх хэн хүнгүй гадарлах болой. Тэрбээр, Маринад эргэж ирэхээ амласан. Халтар царайт аргалуудаас болж, эргэж очихгүй нь үү, эхээ алдмар! Тэрбээр үргэлж хэлсэн амандаа хүрдэг биш бил үү. Одоо тэгэхээр энэ тухай бодоод яах ч юм билээ? Эндээс явахыг хэчнээн хүслээ ч тэрбээр явж чадахгүй агаад тэр ч битгий хэл эрх чөлөөтэй ч болж чадахгүй амой! Түүний хугалж болох бүх үе мөчийг Чеченьчүүд хугалсан. Сонирхолтой нь түүний цэргүүд яасан бол оо? Тэрхүү махны машинаас хэн нэгэн амь мэнд үлдээ болов уу?

Аллахын цэргүүдэд хүртэх ёстой шанг нь чангахан хүртээсэндээ л сэтгэл жаахан уужрах юм даа. Зөвхөн орос эхчүүд, эхнэрүүд өөрсдийнхөө амь үрэгдэгсдийн хойноос уйлаагүй. Сүүлийн тулааны үр дагаврын улмаас нэг бус аулынхан уйлан гашуудаж байгаа. Энэхүү уйлан гашуудах дуун дээрхээс арав, зуу дахин олон байгаа болов уу! Энэ бүхэн ингэхэд юуны төлөө юм вэ? Тусгаар тогтнолын төлөө гэж үү? Тэднийг дээрэмчид удирдаж эхэлснээр эх оронд нь өөрөө өөрсдөөс нь эхлээд бүх зүйл тусгаар болсон бус уу. Хий буудсан сумнаас хохирол учирдаггүйтэй адил хэн нэгний хувьд толгойдоо сум зооход хэн саад болоод байна вэ? Үхэхийнхээ өмнөхөн нийслэлд тухлан буй дарга нарын хэн нэгнийх нь гэдсийг хүүлэхсэн! Тэгвэл нэг сэтгэл уужрахсан. Гэвч Антон хаана байгаа билээ, зугаа цэнгэлийн газрууд болох казино, ресторан, их дэлгүүрийн гялалзсан гэрэл чимэглэлд умбасан нийслэл хаана байгаа билээ?

Тэр бүхэн чөтгөр шулам руугаа тонилбол таарна!

Марина бол өөр хэрэг. Хүүхдүүд ч: Бережной, Веселов, тэрхүү жаахан жигтэй атлаа шулуухан зантай, найдвартай жаалхүү Саня нар ч, бас Казбек хэн билээ? Тэрбээр, захирагдагсадынхаа тухай одоогоор мэдэх боломж байхгүй ч, Марина бол огт өөр хэрэг. Бүсгүй түүний тухай юу ч мэдэхгүй, хүлээж л суугаа. Үнэн хэрэгтээ ахмад түүнийг хуурчихсан биш байгаа гэж айж байгаа. Үнэнийг мэдэх хүртлээ, офицерийн үг хэмээн андгайлж, итгэл найдвар төрүүлчихээд, хаашаа нь үл мэдэгдэн алга болчихсон... түүнийг өөдгүй этгээд гэж бодсоор л байх болно! Нэгэн цагт тэрбээр үнэнийг мэдэх л болно, гэхдээ хэзээ вэ? Бүсгүй, түүний ариун нандин сэтгэлийг мэхлэн хуурсан өөдгүй амьтанд түүнийг тооцсон тэр үед л болов уу!

...Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Тэрбээр эргэж, хөлөө тэнийлгэн суухыг оролдов. Ингэж суух гэж тэрбээр хэд хэдэн удаа оролдсон ч, ерөөсөө болж өгөхгүй байсан билээ. Нүхний хэмжээ өвдөг тэнийх боломж олгохгүй байв. Одоо ч гэсэн Антонов болохгүй гэдгийг мэдэж байсан ч оролдсон болой. Болсонгүй.

... Булшинд орохынхоо өмнө Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Энэ улигт дахилтыг яах вэ! Юунд байнга толгойд хадагдана вэ?

Марина тэр хоёр муугүй амьдарч чадах л байсан юм. Бие биенээ зүрх сэтгэлээсээ хайрлаж сайхан амьдарч чадах байсанд Сергей огтхон ч эргэлзсэнгүй. Тэгсэн бол аавынхаа дайн тулаанд байгуулсан гавьяаны одонгоор тоглон наадах үр хүүхэдтэй болох байв. Хэрэв тэрхүү гайтай гранатын тэсрэлт болоогүйсэн бол, үгүй бол хөгшин чечень эр алдаа гаргаагүйсэн бол энэ бүхэн болж болох л байсан. Үгүй л байж! Антоновт бусад хүмүүс шиг амьдрах хувь тавилан үгүй байж. Тэрбээр дайтаж явах л төөрөгтэй байж дээ. Өөрт нь байсан бүхий л нөөц бололцоо нь дуусч, дайсныхаа олз омог болчихсон байж байдаг. Түүний эмх замбараагүй, яахаас ч буцахгүй амьдралын зам зүй ёсоороо төгсөж байна!

Сергей гэнэт өөрийнхөө оролцсон анхны тулааныг дурслаа. Цааш цаашдаа тийм тулаан олон болсон ч түүний санаанд анхны тулаан мартагдашгүй тод хоногшин үлдсэн авай.

Тээврийн нэгдсэн ротод тэрбээр “чех”- үүдийн хамгийн дуртай бай болох “юүлүүр”- ийн салаа захирч байв. Тэр өдөр рот буудлаганд өртсөн агаад тэр нь заншил ёсоор түргэхэн зуур болж өнгөрсөн юм. Уулаас болон “ногоон” бүсээс бөөгнөрсөн галын цохилт өгч, хоёр гурван машин шатсан ч хариу цохилтын галд дайсан өртөн ухарч тулаан дууссансан. Гэхдээ ТЭР өдөр бүх зүйл өөр байсан юм. Дөчин машин бүхий цувааг дагалдах цэргийн хамгаалалтад явж буй ердийн мотобуудлагын салаа занганд орох нь тэр. Хавцлын хаяагаар өнгөрөх замын хэсгээр цуваа цувран орж ирмэгц, эсрэг талыг халхлан өнгийж тогтсон цохионы төгсөлөөс “чех”-үүд захын машинд галын цохилт өгч хамгаалалтын явган цэргийн байлдааны машины замыг таслан хаав. Хөдөлгөөн наашаа ч үгүй цаашаа ч үгүй таслагдав. Дараалаад шатахуун тээвэрлэгч машин руу гранатометын гал нээв. Шатахуун тээвэрлэгч машинууд ээлж дараалан дэлбэрч, энэхүү галан галваас нуугдах газаргүй бие бүрэлдэхүүн устгагдлаа. Явган цэргийн байлдааны машин буюу БМП, өөрийн хурдан буудлагат их буугаа эцэст нь тултал өлийлгөн уул нуруудын энгэр рүү шуурган гал нээвч, уул нуруудын оройгоор их бууны суманд үл өртөх бүсэд “чех”-үүд ихээхэн хүч хуримтлуулсан байв. Тэгээд тэдэнд цувааны хариу галын цохилт хохирол үл учруулж, тэд ч шатаж буй цувааг үргэлжлүүлэн буудах ажгуу. Түүнд, Сергейд энэхүү шатам халуун тамаас яаж ийгээд амь мэнд гарах завшаан тохиожээ. Ахлах дэслэгч Антонов, агаарт муухай улин сүнгэнэх дуун сонсоод хэдэн метр гүйж амжсан агаад цувааны дээрээс мина асгаран буув. Нэг нь дэргэд нь дэлбэрч, Сергейн бие газар дэлхий дээгүүр нисэх мэт л боллоо. Тэр үед түүнд тэгж санагдсан болой. Нүднийх нь өмнө цаасан хайрцаг адил БМП-ийн бат бэх хуяг алгуурхан дэлбэрэхүйд десант буулгах хаалгыг шуурган гал нөмрөн авах харагдлаа.

Нүдийг нь цусан улаан долгион нөмрөн авч, тэрбээр тэрхүү долгионд хахаж цацах шиг болоод тэр хэвээр тэнгэр газрын хооронд ер бусаар халин ниссээр үлдэх шиг болов. Дүүргийн цэргийн госпиталд эмнэлгийн орон дээр ухаан ортлоо, тэрхүү орчиндоо оршсоор байсан болой.

Тэр үед батальоны штабын даргаар ажиллаж байсан Буланов дараахан нь Антоновыг эргэж ирсэн билээ. Тэрбээр түүнд хавцалд болсон тулаан хэрхэн төгссөнийг ярьж өгсөн юм. Шархтангуудыг оролцуулаад хорь орчим хүн л амьд үлдсэн ажээ. Зуун арван хүнээс шүү, түүний салааны хорин хоёр цэл залуухан жаалууд - БҮГД, шатахуун тээвэрлэгч машины бүхээгт амьдаараа шатжээ.

... Үүрд хагацахын өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Тэрбээр жагсаалдаа үлдэв. Хэдийгээр түүнд үлдэх боломж маш өчүүхэн байсан ч. Гэвч тэрбээр үлдсэн юм. Зөрүүдлэн зүтгэсээр санасандаа хүрсэн болой. Яах гэж тэр вэ? Тэр үед яагаад явсангүй вэ? Төвөгтэй л асуулт агаад түүнд хариулах нэгэн утгат хариулт байхгүй байв. Сергей армидаа үлдсэн, яагаад гэвэл... Удалгүй ангийн удирдлагыг Буланов хүлээн авав. Хэрэв өмнөх захирагч байсан бол Антоновыг орон тооны цомхтголоор халах байсан бөгөөд тэрбээр өдгөө энэ уулсаас алс холд аж төрж байх байлаа. Бусдын эрх мэдэлд нүхэнд сууж байхгүйсэн. Хэрэв зээ. Гэвч Буланов ангийн захирагч болж, Антонов ч үлдсэн юм. Захирагч ч, ахлах дэслэгчийг урьдын амьдралдаа эргэн ороход нь бүхий л талаар тусалсан билээ. Энэ нь ч бүтэмжтэй болсон. Бүтэмжтэй болсны үр дүн нь гэвэл хоёрдугаар ротыг хүлээн аваад Антонов авто машины цувааны шилдэг хөтөч нарыг нэг болсонд болой. Энэ үедээ ч урьдынхаа амьдралын хэв маягаа орхисонгүй. Дараа нь эхнэр асан Ленатай учирч, бүсгүй дараа нь түүнийг хаяж явсан болой. Бүсгүй “Явж байлд даа! ” гэсэн зурвас үлдээсэн байж билээ! Ээлжит цуваатайгаа аянд гарахын өмнө ачаанд орохоор агуулах дээр ирээд Маринатай уулзсансан. Түүнтэй сэтгэл оргилуулсан тачаангуй хурьцал үйлдэхүйд цаг хугацаа нүд цавчих мэт хурдан өнгөрөх шөнийн бор хоног төөрүүлэх болсон билээ. Зөвхөн жил өнгөрсний дараа л хайрлан дурласансан. Тэр хоёрын хувьд чухамхүү тас харанхуй тэнгэрт хурцаар гэрэлтэн мандсан од адил хайр байлаа. Тэгээд энэ аян! Холбооны Аюулгүй байдлын Албаны хошуучийн араатан адил харц. Сургуулилт адил дэндүү өө сэвгүй хөдөлгөөн тэгээд... тагнуулын мэдээллээр бол дайсан байх ёсгүй газар дээрэмчид илэрсэн гээд! Гранатометын галын цохилтонд өртөж, арван найман настай жаалууд өөрсдөөсөө ялихгүй ах захирагчтайгаа хамт галт шуурганд амьдаараа шатаж үрэгдэцгээв. Штабынханы үл ойлгогдох байдал болоод “чех”- үүдийн хувьд бүрэн гэнэтийн зүйл болсон нисдэг тэрэгний дайралт. Өөрийгөө хянах хяналтаа алдаж, зүрх алдсаны үр дүн болсон Крамаренкогийн толгой. Жалга. Дээрэмчид уулын энгэрт гарч ирсэн.”Үхэл”- ийн бүсэд нэвтрэн оролт, тэр үед ахмадад удаан юм шиг санагдаж байсан өндөг адил гонзгой зүйлийн нислэг болоод дэлбэрэлтийн хүчтэй долгионд ахмад цохигдон ухаан алдаж гууны эрэг рүү шидэгдсэн ажгуу. Тас харанхуй нөмрөн авах шиг боллоо. Нилэнхүйдээ хав харанхуй ажгуу.


Top
   
PostPosted: Sep.23.17 10:56 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ

Тэрбээр, хорих өрөө болгон тасалгааны доор тоноглон бэлдсэн амины орон сууцны доодох зоорины хонгилд ухаан оров. Цонхгүй, чулуун хана, буланд шатны дээр бат бөх хаалга харагдах ажээ.

Энд Сергей дээр нь хэвтэх ор, дэргэд нь хувинтай ус дээр нь тавьсан сандал, хайрцаг “ Прима” янжуур болон чүдэнз байх авай. Түүний шархыг их л чадварлагаар цэвэрлэн боосон байх ажээ. Шарх нь хөнгөн агаад шалбархай гэж хэлж болохоор ч, хэтрүүлэггүй хэлэхэд толгой нь хагарах адил өвдөж, өчүүхэн төдий хөдлөхөд бөөлжис нь хүрэх амой. Тэгэхээр битүү доргилт авсан бололтой.

Ахмад тамхи татахыг оролдсон ч, толгойгоо өргөж ч амжилгүй тэр дороо л дэрэн дээрээ ойчив. Түүний бүхий л бие, дагзнаас эхлээд бүх үе мөч нь нэвт буудуулсан адил шархиран өвдөх бөлгөө. Тамхи татах хүслээсээ татгалзахад хүрч, ер нь өчүүхэн төдий ч хөдлөхөөс халшрах ажээ.

Тэр хаана байна вэ? Энд хэдий хэр удаан байгаа бол оо? Байдлыг шүүн тунгааваас, харь болоод өвөрмөц үнэр ханхлах нь чечень айлд байгаа бололтой. Тэдний хувьд тэрбээр, Антонов хэн болох билээ?

Жирийн нэгэн шархтан уу, олзлогдогч уу? Мэдээжийн хэрэг нэг дэх нь арай хүндэтгэлтэй боловч, илүү үнэмшилтэй нь хоёр дахь нь болой. Гэхдээ л түүнд хүн ёсоор хандаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байх нь өөдрөг сэтгэгдэл төрүүлэх ажээ. Цаашид яах нь бүү мэд ч, яах гэж түүнд тусламж үзүүлдэг билээ? Магадгүй харьцангуй тэнхрүүлж аваад олны өмнө цаазлах гэж байгаа юм болов уу? Тааварлах арга алга. Хариуг энэ байшингийн эзэн л зөвхөн өгч чадах агаад удаан хүлээлгэхгүй л болов уу!

Цоож түлхүүрдэх чимээ сонсогдож, хаалга нээгдэн толгой дээрээ керосин дэн барьсан хөгшин чечень эр зоорины хонгилд орж ирэв. Шархтан ухаан орсныг хараад, тэрбээр “сарьсан багваахай” хэмээн нэрлэдэг дэнгээ хананд өлгөв. Сандал дээрх хувинг авч тавиад дээр нь суув. Үг дуугүй тамхиа угзрангаа Сергей рүү харж, уулынханы өвөрмөц аялгаар асуусан нь:

- Ухаан ороо юу?

- Би хаана байна вэ?

- Харахгүй байна уу? Зоорины хонгилд байна.

Өвгөн сэтгэл зүйн хувьд хүнд байгаа бололтой.

- Энэ ч ойлгомжтой. Би ямар аулд байна вэ гэж асууж байгаа нь тэр?

- Чамд ямар ялгаа байна вэ?

- Сонирхолтой байна.

- Чи мэдээд хэрэггүй. Асуугаад ч хэрэггүй. Чи тамхи татдаггүй юм уу?

- Татдаг.

- Татаач.

- Чадахгүй байна, толгой өвдөөд байна.

Өвгөн ойлгож байгаагаа илтгэн толгой дохиж:

- Чи ч их муу байсан шүү, бүр ухаангүй ирсэн.

- Уучлаарай, тантай би хэн гэж харьцах билээ?

- Миний нэр Кирхан. Тэгж нэрлээрэй.

- Нэрээр чинь дуудах эвгүй биш үү. Та чинь ахмад настан шүү дээ.

- Ямар ялгаа байна вэ? Ингэж л хэлсэн, тэгж л дууд.

- Тэгье, Кирхан, тулааны дараа надаас гадна амьд үлдсэн хүмүүс байсан уу?

- Мэдэхгүй. Би тэнд байгаагүй.

- Би яаж энд ирсэн юм вэ?

- Чамайг хүргэж ирсэн. Өгсөн. Ингээд л гүйцээ. Хэн гэдгийг бүү асуу. Хэрэггүй.

- Тэгье, асуухгүй. Гэхдээ, намайг цааш нь хэрхэх талаар хариу хэлж өгнө үү?

Өвгөн санаа алдаж, янжуураа гүнзгий сорох ажээ.

- Одоохондоо мэдэхгүй байна. Чи хэвтэж л бай. Дараа ирж хэлье.

Сергей яриагаа үргэлжлүүлэхийг хүссэн ч, чечень эр түүнийг үгийг тасалж:

- Идэх юм авчирна, идээрэй. Ургамалын ханд авчирна, уугаарай. Өвдөхгүй болно.

Энэ бүхнийг хэлээд тэрбээр өндийж дэнгээ аван гарч, хаалга хаав.

Антон бодлогошрон хэвтэв. Тэгэхээр тэрбээр олзлогдсон болох нь. Энэ ч маш муу шүү. Гэхдээ өвгөн дажгүй эр бололтой. Харваас өвгөн оросыг яахаа мэдэхгүй байгаа бололтой.

Суллах болов уу? Магадгүй, төрөл садан нь манайханд олзлогдсон байж ч болох юм? Солилцохыг оролдох ч юм бил үү? Үгүй бол өөрсдийнхөө хэн нэгэнд зарж ч болох юм? Цаг хугацаа бүхнийг харуулах болно.

Зөвхөн түүнд, ахмад Антоновт хэдий хэрийн цаг хугацаа өгөгдсөн бол гэдэг л байна. Асуудлын учир утга нь үүнд л оршино.

Бараг л Шекспирын жүжигт гардаг шиг.

Цаг орчмын дараа залуухан эмэгтэй орж ирэв. Гашуудлын хар хувцас өмсжээ. Тэрбээр хайрсан бин, домботой сүү, ургамлын ханд авчрав. Авчирсан бүх зүйлээ сандал дээр тавиад шархтан руу хоромхон зуур хяламхийн харлаа. Түүний харц нь түлээд авах шиг л болов. Бүсгүйн хоромхон зуурын харцанд хэчнээн их үзэн ядалт болон жигшил зэвүүцэл хуран хуримтлагдсан байв аа!

- Баярлалаа, гэж ахмад эмэгтэйд талархлаа илэрхийлэхийг оролдон хэлэв.

Хариуд нь дахин нэг буудах мэт түргэн харц. Үнсэн товрог болгом үзэн ядалт дүүрэн харц. Мөн тэгээд ямар нэгэн хараал зүхэл, занал шивнэсэн шивнээн сонсогдов. Яг л үхлийн аюулт цөлийн аварга хорт могойн исгэрээн адил дуулдах ажээ.

Эмэгтэй гарч явсан ч, үзэн ядсан харц нь сэтгэл зүрхэнд нь тайлбарлаж үл болом буруутгал, тэр ч бүү хэл жаахан айдас төрүүлэх болой.

Энэхүү харьцангуй залуухан эмэгтэй яагаад түүнд ингэж ханддаг билээ? Харваас энэ дайн түүнд их л уй гашуудал авчирсан бололтой. Тэгээд л тэр, бүсгүйн нүднээс энэ дайны үр дүнг биечлэн харж байму.

Өөрийгөө албадан өвчнөө үл хайхарч Сергей өндийж хүчилсний улмаас чичигнэх уруулаараа ханднаас балгав. Тамир алдаж, толгойгоо гэдийлгэн орон дээрээ уналаа. Бөөлжис цутгаж, хүчтэй огивоос, мөн бүх бие нь хөндүүрлэн өвдлөө.

Үхэх цаг минь ирлээ...

Өвгөн орж ирэв.

- Яагаад юм идсэнгүй вэ?

- Чадахгүй байна.

- Идэх хэрэгтэй. Ханд уух хэрэгтэй.

- Чадахгүй байна гэж хэлсэн шүү дээ.

- Идэхгүй бол үхнэ шүү дээ.

- Идвэл амьдрах хэрэг үү?

- Бүх зүйл Аллахын эрхшээлд байдаг.

- Мэдээж.

Өвгөн сандал дээрх зүйлийг авч тавиад, дээр нь суув.

Тэрбээр ямар нэгэн чухал зүйл ярихыг хүсэж буй нь илэрхий байлаа. Гэхдээ нэг бол шийдэж чадахгүй байгаа, эсвэл өөрийнхөө бодол санааг орос залууд ойлгуулж хэлж чадахгүй байгаа бололтой.

- Кирхан гуай? Намайг яах бодол санаатай байгаагаа шууд л хэлчих?

Чечень эр холоос яриагаа эхлэв.

- Энэ байшин миний гэр биш. Манай ахын гэр байгаа юм. Миний гэр байхгүй болчихсон.

Тэрбээр хоромхон зуур дуугүй болов. Янжуур асааж соров.

- Би гурван хүүтэй байсан. Гурав шүү, гээд тэрбээр хуруугаа гозойлгон харуулаад, одоо ганц нь ч байхгүй. Тэд бол босогчдын цэрэг биш, энгийн номхон иргэд байсан юм. Бүгд гэр бүлтэй хүмүүс. Чам руу орж ирдэг нь ахмад хүүгийн минь эхнэр. Нэгэн хавар цэрэг дайчид энд ирсэн юм. Маш олон цэрэг байсан. Тэд томыг маань бариад явсан. Түүнээс хойш бид түүнийг хараагүй. Харин долоо хоногийн дараа өглөө эрт би хонио бэлчээрт гаргасан юм. Тэнгэрт онгоц нисэж байхыг харлаа. Ихээ өндөрт нисэхийг би харсан юм. Нисээд өнгөрсөн. Дараа нь буцаад нисэн ирэхдээ доогуур нисэж байлаа. Би аулаас холхон байсан юм. Онгоцноос утаа гарч, удалгүй манай байшин дэлбэрсэн...

Өвгөн янжуурын үлдэгдлийг гутлынхаа улаар няцлан дэвсэв.

- Байшинд миний эхнэр, бага хүү эхнэртэйгээ, бас гурван жаахан хүүхэд байсан. Зургаан халуун амь. Энгийн номхон хүмүүс. Тэд минь шууд л амь үрэгдсэн. Бөмбөг бүгдийг алсан. Нисэгч яагаад буудаж байгаа юм вэ? Чи надад хэлж өгч чадах уу? Орос оо?

Энэхүү хөгшин чечень эрд Сергей юу хэлж чадах билээ?

- Үгүй. Чадахгүй.

- Чи чадахгүй, би чадахгүй, хэн чадах юм вэ? Хэлээч?

- Мэдэхгүй... Өөрийнхөө тухайд, зөвхөн зэвсэглэсэн дайсантай тулалдаж байсан гэдгээ хэлэх байна. Хэнийг ч үндэслэлгүй хий дэмий алж байсангүй! Буудаж, буудуулж явсан ч зөвхөн биеэ хамгаалж л тэр. Харин, тэр хүн хэн ч байсан, хүнийг зориуд ална гэдэг байж болох ч үгүй, алж ч явсангүй.

- Чи Афганистанд байсан уу?

- Яалаа гэж дээ? Би тэр үед сурч байсан!

- Миний дунд хүү тэнд байлдсан хүн. Десантын түрүүч цолтой. Улаан таван хошуу одонгоор шагнагдсан. Тэрбээр төрөл төрөгсдөө алагдсан тухай сонсоод дүүргийн төв явсан. Үнэн мөнийг олж тогтоох, нисэгчийг шийтгүүлэхээр явсан юм.

Өвгөн гэнэт яриагаа тасалж, цаашаа эргэн нугдайв. Сергей жаахан хүлээж байгаад, асуусан нь:

- Тэгээд яасан гэж?

Өвгөн чечень эр нулимс дуслуулан байж ярив.

- Тэр минь замаар явган явж байсан юм. Өмнөөс нь танк ирж байв. Түүн дээр цэргүүд суусан байв. Нэг цэрэг буудсан. Хүүг минь, үлдсэн цорын ганц хүүг минь алчихсан. Улаан зам дээр шүү. Малчид уг явдлыг харж тэд ирж хэлсэн. Харин танк цаашаагаа явчихсан. Гурвын гурван хүүтэй байлаа. Нэг нь ч үлдсэнгүй. Тэд минь цэрэг байгаагүй. Гэтэл тэдний минь алчихсан.

Кирхан цааш нь ярьж чадахгүй нь бололтой. Гараа огцом өргөж урсах нулимсаа арчаад, мөн огцом босож гарч одов. Хаалга хаагдаж, Антонов дахиад ганцаараа үлдэв.

... Үйлийн үр минь ирж Үхлийн цаг минь ойртлоо...

Тийм ээ. Юу ч гэж ярьсан, харин өвгөнд бол холбооны засгийн газар болон энэхүү засагт зүтгэгсдийг үзэн ядах ноцтой үндэслэл байна. Түүний аз жаргал, түүний ертөнц, түүний үр хүүхдүүдийг устгагч нар шүү дээ. Бүсгүйд ч гэсэн энэ үндэслэлээр тэднийг үзэн ядах нь өвгөнийхээс багагүй байх нь зүй ёсны юм. Хараал идсэн дайн! Гэм буруугүй хэчнээн хүний амь амьдралыг бусниулж, эрэмдэглэж зэрэмдэглэв дээ! Тэгээд бас дахиж хэчнээн хүн амь эрсдэх бол оо? Ахмад Антонов бол тэдний нэг, тэрхүү үй олны ганцхан бие төлөөлөгч аму. Өвгөнд ямар нэгэн зүйл батлан өгүүлж тэрбээр хэзээ ч чадахгүй болой.

Өвчин үл ялиг намжиж, Сергей өндийлөө. Хандыг дуустал нь уув. Эргэн хэвтэж, янжуур асаасан ч, тэр даруйхан түүнээ шидлээ. Дотор нь муухайрч бөөлжис хоолойд тулах бөлгөө. Цаашдаа юу болох бол оо? Өвгөн өөрийн яриагаа дуусгаагүй агаад эцсийн шийдвэрээ ч гаргаагүй байгаа. Чухамхүү, түүнээс л Антоны амьдрах, үхэх шалтгаалах амой.

Хорих өрөөнөө нэг л хуурмаг агаад түгшүүрт нам гүм ноёлж, гаднаас өчүүхэн ч дуу чимээ үл дуулдах ажээ. Ухаан санаанд нь зөвхөн чечень эмэгтэйн хорсол занал буцалсан харц, өвгөн Кирханы гунигт яриа болон улиг болсон дууны дахилт:

... Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо Булшинд орохынхоо өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь... хэмээн орох амой.

Ам хүрээгүй хоол хүнсийг өөр нэгэн эмэгтэй хураан авлаа. Эхний эмэгтэйгээс залуухан бүсгүй байлаа. Тэрбээр түүн рүү ядаж харсан ч үгүй. Бүсгүй бас нэгэн том хултай ханд үлдээв.

Сергей түрүүчийнхээ адил их л хүндрэлтэйгээр ханднаас уув. Энэ бүхний дараа тэрбээр түгшүүртэйхэн зүүрмэглэв.

Өвгөн хоногийн дараа ээлжит удаагаа түүн дээр орж ирэв. Антоновт цаг байхгүй болохоор тэгж ойролцоогоор тооцоолсон болой. Тэрбээр байгаа орчныхоо халуун хүйтний хэмээр л багцаалж байлаа. Өрөөний хэм буурвал хашаанд шөнө болж байна гэж, эсрэгээр бол өдөр гэх мэтчилэн. Сергей зоорины хонгилоос агаар солилцуулах нүх олохыг оролдсон ч, нүх гэж хэлчихмээр юу ч олж харсангүй. Гэхдээ, гадаад ертөнцтэй харьцах холбоо байх л ёстой агаад үгүй бол Антонов аль хэдийнээ бүтээд үхчихсэн байхсан.

Өвгөн орж ирж, үг дуугүй сандал дээр сууж тамхилах бөлгөө.

- Бие чинь гайгүй болохгүй байна уу?

- Арай л дээрдэж байна.

- Ханд уу, өвчин чинь гайгүй болно.

- Оронд нь юу ирэх бол оо?

Кирхан, түрүүчийн адил буруу харах нь шархтанд гол зүйлээ хэлж зүрхлэхгүй байгаа бололтой. Гэвч, чимээгүй байж байж, эцэст нь шийдэв бололтой:

- Чи энд яагаад ирснээ асууж байсан. Би, чамайг авчирсан гэж хариулсан. Гэхдээ хэн хүргэж ирснийг хэлээгүй. Одоо хэлье. Та нар руу Хагархай Цохионы орчим дайрсан тэр хүмүүс авчирсан юм. Надад үлдээгээд явсан. Дараа нь Али ирсэн.

- Ямар хүн юм вэ?

- Нэгэн бүлгийн дарга. Тэрбээр чамайг хараад, ингэж хэлсэн юм. "Кирхан чи гурван хүүгээ алдсан хүн. Би чамд энэ гяурыг өгье. Түүнийг худалд. Гэр бүл чинь мөнгөтэй болог.” Тэгэхээр одоо чи миний боол, миний өв хөрөнгө. Чамайг зарж, гэр орноо тэжээх мөнгө ол гэж надад чамайг өгсөн юм. Ойлгов уу?

- Ойлголгүй яахав!

- За, ойлгосон бол өөрсдийнхөндөө захиа бич, тэд чамайг худалдаж аваг.

Кирхан, Антоновын нүд рүү эгцлэн харж чадахгүй, нүд буруулан ярих ажээ. Түүний хувьд энэхүү яриа туйлын таагүй байсан ч нөхцөл байдал тийнхүү ярихыг шаардаж буй нь харваас илт байв. Тэрбээр бухимдуухан тамхиа угзарч, шүүлтүүрт нь тулган унтрааж, шинээр дахин асаах бөлгөө.

- Ээ дээ, Кирхан минь, хэн ч миний төлөө төлөөс төлөхгүй. Хэн ч төлөхгүй.

- Юу төлөхгүй гэж вэ? Чамайг нааш нь илгээсэн тэр хүмүүс төлөг л дөө. Олон хүнийг худалдаж авсан шүү.

- За мэдэхгүй юм. Мэдээжийн хэрэг би бичиж л таараа, гэхдээ миний амь нас хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт эргэлзэж байна. Ийм их мөнгө гаргаж чадах тэр хүмүүст шүү дээ. Намайг хэдээр үнэлж байгаа юм вэ дээ?

- Арван мянган доллар. Наддаа бол болноо, гээд өвгөн хүндээр санаа алдаж, энэ чинь бага мөнгө шүү, бусад хүмүүс хэдэн зуун мянгыг нэхдэг юм. Би бусадтай адилгүй хүн, надад гэр бүлээ л тэжээх мөнгө хэрэгтэй.

Жаахан дуугүй сууснаа, өвгөн үргэлжлүүлэн:

- Миний хувьд чамайг тавиад явуулчихмаар л байна, орос оо! Гэвч чадахгүй нь. Үр ач нараа өлбөрч үхэхийг харж чадахгүй байна шүү дээ. Намайг ойлгоорой.

Кирхан өөрийгөө цагаатгах бөлгөө. Гэвч тэр өөрийгөө цагаатгах ёсгүй билээ. Орчин тойронд нь болж буй хэрэг явдалд тэрбээр өчүүхэн ч буруугүй. Тэр ч бүү хэл, Орос орны өчүүхэн нэг хэсэг болох Чеченийг бүрхэн бүх нийтээрээ хамрагдан орсон учир утгагүй дайны гэм хоргүй золиос нь тэрбээр өөрөө болон түүний гэр бүл болой.

Сергейн бодол санааг уншсан мэт, өвгөн үргэлжлүүлэн:

- Орос минь, би хүнд амьдралыг туулсан хүн. Дөчин таван оны эхээр арван найм хүрсэн жаал хүү цэрэгт татагдаж байлаа. Дайн дуусах ойртчихсон байв. Намайг Герман руу явуулсан юм. Берлин эзлэгдэж, миний алба хааж байсан салааг тагнуулын мэдээллээр эсэсийн багахан бүлэг бүгсэн хуучин тээрэм болон ойр орчмынх нь ойг самнан цэвэрлүүлэхээр илгээлээ. Бид ч тийшээ явцгаав. Салаанд маань бас Курган орчмоос татагдсан Ваня Иванов гэдэг залуухан орос цэрэг байсан юм. Тэгээд л тэр бид хоёр, дайн эхэлсэн тэр цаг үеэс байлдсаар ирсэн чанга түрүүч Ренько хэмээх украйн залуугаар ахлуулан тэрхүү хараал идсэн тээрэм рүү явцгаалаа. Гаднаасаа бүх юм нам тайван харагдах ажгуу. Дотогш орохоор шийдэцгээв. Ренько шинэ цэрэг биднийг явуулж болох л байсан, гэвч өөрөө түрүүлэн урагшлав. Ортол бидэн рүү дээрээс пулеметоор гал нээж, Иван нэг талаар нь би нөгөө талаар тойрч, харин Ренько автоматаар хариу галлаж байлаа. Ваня бид хоёр ар талаас нь гарч ирж, пулеметчинг буудаж устгаж билээ. Түрүүч рүүгээ гарч ирцгээв.

Тэр нуугдсан газраасаа гарч ирээд ийн өгүүлэв.

- За эрчүүдээ, анхныхаа тулаанд орсонд чинь баяр хүргэе!

Харин өөрөө гэнэт Иваныг түлхэж унагаад, миний араар үсрэв.

Тэр даруй автомат урт ээлжээр галлах дуу гарав. Ваня унангуутаа Ренькогийн ухасхийсэн зүг рүү гал нээлээ. Би эргэж, түрүүч шалан дээр алгуурхан өвдөглөн суухыг харав. Түүний цамцан дээр алгын чинээ газар сум туссаны улмаас цусанд будагдаж, уруулынх нь булангаас цус гоожиж байлаа. Би түрүүчийг тэврэн аваад харвал, жаахан цаана байх баганы дэргэд ханцуйгаа шамласан хар хувцастай немец хэвтэж байв. Тэр этгээд буудсан ажээ. Над руу буудсан агаад тухайн үед чиний л хэрийн настай байсан Ренько намайг халхалсан байв. Өөрийн биеэр хаасан ажгуу. Тэрбээр амьсгалтай байсан агаад намайг түүний дээр тонгойн харахад, дөнгөн данган бараг шивнэн байж хэлсэн нь:

- За тэгэхээр, найз минь чи орос жаал биш байх шив. Дайны бүх замыг туулсан юмсан, харин энд... Энд халаасанд гэрэл зураг болон хаяг байгаа, миний эхнэрт, түүний Ренько яагаад буцаж очихгүй болсон тухай бичээрэй.

Би уйлан гашуудаж, ээжийгээрээ тангараглая, үнэн зүрхнээсээ уйлан гашуудаж билээ. Харин тэрбээр надад:

- Кирхан битгий уйл. Амьдар. Миний төлөө, буцаж очоогүй хүн бүхний төлөө амьдар. Чиний үе тэнгийнхэн азтай улс...

Тэгээд л өнгөрсөн.

Ваня бид хоёр түрүүч Василий Григорьевич Ренкогийн цогцсыг гаргаж оршуулсан. Харин дараа нь Монголд, Говь цөлд японтой, тэдний магтан мандуулдаг Квантуны армитай тулалдсан. Энэ бүх цаг хугацаа, үйл явдлыг Ваня Ивановтайгаа хамт туулсан. Ах дүү болсон. Дайны дараа тэр минь энд манайд, одоо байхгүй болсон гэрт минь ирдэг байлаа. Найрамдал нөхөрлөлийн төлөө, Ялалтын төлөө, тулаанд унасан нөхдийнхөө төлөө, Ренькогийн төлөө хундага өргөж дарс уудаг байлаа. Би ч мөн түүн дээр очдог байсан. Хамгийн хүндэт зочны адил угтан уулздаг байж дээ. Ингэхэд чи, манай аулд чечень бус хорин долоон айл амьдарч байсныг мэдэх үү? Орос, украйн, белорусс, дагестан, гүрж гээд л бүгдийг нь нэрлэж тоолж дуусашгүй. Сайхан амьдарч байсан. Хэрэв хэн нэгнийх нь баяр наадам болох л юм бол бүх аулаараа баярлан зугаацдаг байсансан. Гаднаас хэн нэгийг нь гомдоох юм бол бас л хамтдаа хамгаалахаар явцгаадаг байсан юм. Хэн нь чечень, хэн нь биш гэж ялгадаггүй байлаа. Энэхүү хараал идсэн дайн гартал шүү. Би чамайг буруутгаагүй, орос минь, чамд тушаасан, чи явсан. Алба л хойно яана гэхэв. Гэхдээ зөвхөн энэ дайн одоо бидний сэтгэл зүрхэнд хэзээ ч даван туулшгүй тийм зааг хязгаарыг зүсэн гаргалаа. Аллахын авралаар Иван минь энэхүү аймшигт цаг үеийг үзсэнгүй. Харин би үзэх тавилантай байж. Чиний ахан дүүс миний гэр бүлийнхнийг хороосны төлөө би чамайг үзэн ядах ёстой ч, тэгэхдээ... чадахгүй нь. Чи түүнтэй маш адилхан агаад чамайг харах бүр Ваняг харах шиг л болдог юм. Түүнийг, залуухнаар нь шүү. Гэвч надад мөнгө хэрэгтэй байна, зүгээр л амь зуух мөнгө. Илүү юу ч би гуйхгүй. Хэрэв зэ, энэ бүгд шаардлагагүй байсан бол би чамайг суллаж явуулах л байсан.

Өвгөний хэлсэн мөнгөний тоо үнэхээр иймэрхүү шинж чанартай наймааны хувьд шалихгүй өчүүхэн тоо болой. Тэгээд ч түүний гуйлт Булановт очсонсон бол золиос төлөх ажлыг зохион байгуулж болзошгүй байсан. Гэвч захирагч өөрөө гайд өртчихөөд байгаа билээ.

Сергей хурандаа Яковлевийн нэр дээр захиа бичлээ. Хэдийгээр нэг их найдлага тавихгүй байсан ч Сергей тэднийг үхэл рүү илгээсэн хурандаа жаахан ч гэсэн үймэн хөл болог гэж боджээ. Энэхүү Яковлев аль эрт Москвад өөрийнхөө тохилог гэртээ байгаа биз дээ. Гэвч захиа бичив.

Тийнхүү хүлээлт эхэллээ.

Гэвч захиа хаягийн дагуу очоогүйг Антонов хэрхэн мэдэх билээ.

Энэ бүхэн огт санамсаргүй болсоныг Сергей зооринд Кирхан дахин орж ирэхэд л зөвхөн ойлгосон болой.

Түүнийг гаднаас нь хараад л ойлгосон ажээ.

Сергей рүү өвгөн буруутан аятай харж, харцаа буруулах амой. Антоновын хувьд ялын тогтоол адил болсон яриа цаашаа өрнөх явцад чечень өвгөн хана ширтэх ажээ. Ахмад ийн асуув:

- Кирхан, ажил хэрэг бүтсэнгүй юу?

- Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

Сергейн зүрх ёг хийгээд явчихав. Мууг зөгнөн зүрх нь шимшрэн өвдөх шиг болов.

- Кирхан, яриач дээ.

- Би гэж хөгшин илжиг, засаж болшгүй алдаа хийчхэж. Ийм л юм боллоо. Аймшигтай юм болсон.

- Надад, оросоороо золиос төлөх тухай захиа бичүүлээд ир гэж хэлсэн юм. Тэд хүрэх газар нь хүргээд, мөнгө авч надад өгөөд чамайг суллана гэсэн. Чи бичсэн. Би аваачиж өгсөн. Чиний захиаг уншаад Али ахлагч их удаан инээсэн. Яагаад тэр инээгээд байгааг би ойлгоогүй. Тэрбээр, “Тэгэхээр чи өөрийнхөө боолыг ердөө аравхан мянгаар үнэлж байгаа юм уу?” гэж асуусан. Би ч “Тийм ээ” л гэв. Али, тэрбээр инээхээ больж, удтал над руу ширтэв. “За тэгвэл, хэмээн хэлээд, би оросыг чинь худалдаж авлаа. Чамд энэ мөнгийг өгье.” Тэрбээр боодолтой мөнгө өгч: “Хэрэв чамд илүү хэрэггүй юм бол ав” гэв. Тэгэхэд л би юу хийчихсэнээ ойлгов. Гэвч одоо яах ч юм билээ? Намайг зам руу үдэж гаргасан. Би ингээд л энд ирлээ. Ийм л юм болчихлоо.

Аймшиг, хөнөөл агуулсан мэдээ сонссон Сергейн сэтгэлийг дүрслэх аргагүй байв. Тэрбээр өвгөнөөс нүүр буруулан эргэв.

- Орос оо? хэмээн чечень хөгшин гэмшингүй аялгаар дуудаад, тэд маргааш орой ирнэ. Өнөө шөнө... зугт.

Сергей хөдлөх бүрд тэсвэрлэшгүй өвдөж байсан ч, өвгөн рүү огцомхон эргэн харлаа.

- Чи намайг суллаж байгаа юм уу? хэмээн анх удаа Кирханд хандаж “ чи” гэж хэллээ.

- Тийм ээ. Чи энгийн номхон иргэдийг алж хядаагүй хүн, дараа нь ч энд чамайг хүчээр авчирсан. Чи бол дайсан биш. Хэрэв чи, миний очсон тэр газар очих юм бол амьд гарахгүй. Яв даа.

- Харин чи яах вэ? Чамд муу юм болохгүй юу?

Антонов тэр үед хаашаа хэдий хир хол явах, ер нь явж чадах эсэх тухай бодсонгүй. Тэрбээр энэхүү хөгшин чечень эрийн хувь заяаны талаар л бодож байлаа. Энэ хараал идсэн дайны улмаас зүрх сэтгэл нь хүнд шархадсан ч, энэ бүхнээс болж түүний үүрсэн уй гашуудлын дараа ч тэрбээр ХҮН хэвээр үлджээ.

- За, тэд намайг яавал л гэж? Мөнгийг нь эргүүлж өгөөд, олзны хүн үхсэн, байхгүй гэж хэлнэ. Ханднаасаа сайн уу, би хувцас, хүнс чадах ядахаараа бэлдье. Шөнө явна биз. Би зам зааж өгнө.

Тэрбээр бөгтийж, хүндээр санаа алдсаар, сажлан гарлаа.

Энэ удаа хаалгаа цоожилсонгүй.

Сергей бослоо. Нүд нь эрээлжлэн эргэн тойрны юмс урван хөрвөж шалан дээр золтой л ойччихсонгүй, орны толгойноос барьж авав. Өвчин нь улам нэмэгдэх шиг л болов. Бөөлжис нь хүрч дотор муухайрсан ч арай л бөөлжсөнгүй. Ахмадыг тийнхүү зогсож байхад өвчин нь улам нэмэгдэж, тэнхээ тамир нь улам тасрах мэт санагдах аму. Дараа нь эхний алхмаа хийв. Сергей орчиндоо маш түргэн, харьцангуй түргэн дасан зохицлоо. Эрх чөлөө рүү тэмүүлсэн сэтгэлийн зориг нь бие махбодоо хүчээ шавхан дайчлахыг шаардах бөлгөө. Удалгүй тэрбээр зоорины хонгил дотуур аажуухан ч гэсэн алхан явж чадсан агаад алхах бүрийдээ улам итгэл төгс болж байв. Толгой нь хагарчих шахан янгинах агаад дээрээс лантуугаар лантуудах адил хараал идсэн дууны дахилт тархи толгойг нь өрөмдөх амой.

...Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Бүх зүйл ганцхан хоромд урван хөрвөв. Өвгөн, түүнийг босогчдын цэргүүд авч явах ёстой байсан цагийг андуурсан уу, эсвэл тэд өөрсдийнхөө төлөвлөгөөг өөрчилсөн үү, ямартаа ч дээрэмчид энэ орой хүрэлцэн ирэв.

Хаалга онгойж, хонгил хэд хэдэн хүчтэй гар чийдэнгийн нүд сохлом хурц гэрлээр дүүрэхэд тэр мөчид Сергей орныхоо орчим зогсож байв. Антонов гараараа нүдээ хаахад, ийн өгүүлэх сонсогдов.

- Кирхан, чиний орос ямархуу байгааг харав уу? Харин чи түүнийг битүү бэртэл авч, хөдөлгөөнгүй хэвтэж байгаа гэж яриад байлуу? Аа, Кирхан? Чиний боол хэрхэн хэвтэж байгааг хар. Миний боол болсон ч гэсэн. Хөөш чи, гахай минь, гараа буулга!

Дагахаас өөр арга байхгүй буюу. Антон гараа буулгасан ч, нүдээ нээж чадахгүй байлаа.

- Гялбаад байна уу? Гэрэл гэгээ таалагдахгүй байх шив дээ? Харанхуйд дуртай байна уу? Чи удахгүй тас харанхуйд байх болно.

Энэхүү яригч этгээд хэн нэгэнд хандан өөрийнхөө хэлээр тушаал өгөв бололтой. Сергей, түүн рүү ойртон ирсэн хоёрыг харж чадсангүй. Тэрбээр аюулхай руу нь хүчтэй цохихыг мэдэрч, дараа нь амьсгал нь хаагдаж өвдсөндөө атиралдах тэр мөчид дагз руугаа цохихыг мэдрэв. Нүдэнд нь оч бударч, толгой нь дэлбэрэх адил болж ухаан алдлаа. Гэхдээ хоёр цохилтын хооронд өвгөн Кирханы дууг сонсож амжлаа.

- Толгой руу нь битгий цохь. Түүний толгой нь өвдөж...

Сергей өвгөнийг дахиж хараагүй, одоо бол хэзээ ч харахгүй биз ээ. Түүний амьдралын сүүлийн толгой хоргодох газар нь энэхүү хүний өтгөн шингэн ханхалсан нарийхан гүнзгий нүх болох нь ээ дээ.

Энэхүү чулуун худаг дотор ухаан орохдоо Антонов, оросын офицер түүнд эндээс гарах гарц байхгүй гэдгийг дотроо ухаарч ойлгосон болой. Тэрбээр чулуун дээр суусан ч хөлөө тэнийлгэж чадсангүй. Гэвч эхний өдөр энэ байдал нь Сергейд тээг болсонгүй. Өөр зүйл илүү чухал байв. Тэрбээр өөрийнхөө халуу шатах толгойгоо чийгтэй хүйтэн хананд наан суух бөлгөө. Ингэх нь өвчнийг үл ялиг ч гэсэн намжаах ажээ. Юм уумаар байсан ч, хэнээсээ гуйх билээ.

Сергей харь хэлээр ярилцахыг сонссон ч, тэдэнд одоохондоо олзлогдсон хүн сонин биш байлаа. Тэрбээр чулуу долоож, түүний дундаас нэвчих чийгийг шимэн сорох ажгуу. Антоновын толгойд хоолны талаар ер орж ирэхгүй байлаа. Идэх хүсэл ч байсангүй. Идэх тухай бодол зөвхөн бөөлжис хүргэх л аж.

Дараахан нь дээр нь хөлийн чимээ гарав. Хэн нэгэн нүхний хажуугаар өнгөрсөн үү, үгүй бол нүх рүү ирж буй бололтой.

Энэ нь хэн нэгэн түүнд ус авчирч байж магадгүй бус уу?

Сараалжин тагны дээр сахал үсэндээ дарагдсан нэгний нүүр тонгойж харагдана. Дөнгөж ойлгогдохуйц хэлээр тэр асуусан нь:

- Хөөе! Буруу номтон! Сонсож байна уу? Яагаад дуугарахгүй байна вэ? Юу хүсэж байна вэ?

- Уух юм.

- Сонсохгүй байна.

- Ус, гэж Сергей чангаар хариулав.

- Аа, за! Одоохон, хүлээж байгаарай, эрхэм минь. Уулгалгүй яахав.

Антон дээшээ харж, тэндээс устай сав бууж ирэхийг хүлээж байтал, энэ бүхний оронд шууд түүний толгой дээр шээс урсан буулаа. Сараалжны цаана, дээрээс хүмүүн бусаар инээлдэх сонсогдож:

- Орос оо яасан вэ? Уув уу? Дахиж уух уу? Яриач, тийм үү?

- Ханатлаа уулаа, баярлалаа, гичий минь гэж Сергей хариулав.

- Хөөе! Сонсогдохгүй байна.

- Уулын ямаа минь чиний аманд чинь хог чихэхсэн!

- Гяур минь чи, зоригтой юм аа? Алив нохой минь! Өөрт чинь л муу юм болно доо! Харин усны хувьд уу? Дахиад уумаар байвал дуудаарай. Хүрээд л ирнэ, ха-ха-ха. Нэг бус удаа ч ирж чадна шүү.

Инээд алдсаар өнөөх нүүр алга болов.

Сергей уурсан хараал тавих амой. Одоо тэрбээр эрх чөлөөтэй байсансан бол энэхүү халтар царайтын төмсгийг сугалахсан. Муу малыг тайган болгох байсан юм. Гэвч толгойн өвчний улмаас уур хилэн нь агшин зуур замхрав. Антонов гараараа нүүрээ шувтран арчаад, хүйтэн хананд чамархайгаа наан суулаа.


Top
   
PostPosted: Sep.23.17 10:57 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Хоёр дахь хоног дээр түүн рүү олс шидэн буулгав. Дээрээс тушаасан ёсоор Сергей биеэ олсоор баглав. Түүнийг татан гаргаж байшинд оруулав.

Тэнд эсгий гудсан дээр таван эр хэвтэж байлаа. Тэд өвс татах агаад өрөө дүүрэн анашийн утаа хөшиглөн манарах ажээ.

Хаалганы дэргэд Антоновыг зогсоов. Түүний ард хоёр биерхүү араб залуус зогсох бөлгөө. Чечень үндэсний хувцаснаас онцгойрох тэдний өмссөн хувцас Ойрх Дорнодоос гаралтайг нь илтгэх амой.

Олзны хүн орж ирснийг хэвтэж буй хүмүүсийн дөрөв нь огтхон ч үл анзаарч, энх мөнхийн орны хаа нэг тийш өөрсдийн маанагтаж, юу ч үл ухах нүдээрээ ширтэх болой. Харин тав дахь нь болох нүүрнийх нь зүүн хэсэг бүхэлдээ шарх сорви болсон царайтай эр, Сергей рүү цорын ганц булингарт нүдээрээ анхааралтай агаад муухай харан хэвтэх ажээ.

Түүний харцнаас аюул занал заналхийлэх ажээ. Энэхүү зэрэмдэг амьтан юу ч юм бодож олсон нь илт. Гэхдээ юу юм бол оо?

Антоны дотроо “Зэрэмдэг” гэж нэрлэсэн сорвит эр өндийн босож, олзлогдогч руу алгуурхан ойртон ирж, галзуурсан адил гялалзах харцаа хоромхон ч үл салган ширтэх бөлгөө.

Тэрбээр ахмадын өмнө тулан ирж зогсов. Яриагаа эхлэхэд нь амнаас нь сонгино, сармис болон амны хөндийн өмхий үнэр үнэртэх ажээ.

Сергей өөрийн эрхгүй нүүр буруулав.

- Гахай минь, юу болоод толгойгоо эргүүлнэв? Гичий минь, чи байлдаж ханав уу? Ялан дийлэгч гуай, Чеченьд ямархуу байна даа? Сайхан байна уу? Өөдгүй мал, адгуус минь. Та нарын хоолойг огтлох, буудаж дэлбэлэх, галдан шатаах багадаж байна уу? Бага байна уу? Их болноо. Хараал идэж, өмхийрсөн Орос орныг галдан шатаах болно. Бүгдийг галдан шатаана. Үнс нурам л үлдээх болно. Тэгэх ч болно гэдгийг би чамд хэлэх байна, заваан гахай минь, ойлгов уу?

Тэрбээр яриа дуусав бололтой эргэснээ, тэр даруйдаа Антоны нүүр рүү огцомхон эргэн цохиж, үүдэн шүдийг нь цөм цохив.

Ахмад эсгий дэвсгэр дээр унав.

- Буруу номтон адгуусыг алчихъя!

Зэрэмдэг солиоров бололтой. Тэрбээр газар ойчсон ахмадыг зэрлэгээр жанчин өшиглөх бөлгөө. Хоншоорыг нь төмөрлөсөн цэрэг гутлаар Сергейн хавирга руу өшиглөхөд чад хийн хугарах ажгуу. Бүх биеийг нь өшигчин дэвслэх агаад Антонов ядаж гараараа толгойгоо ч халхалж чадахгүй байлаа.

Холгүйхэн хэвтэх, анашид мансууран юу ч үл ойлгох уулынхан хийрхэн инээлдэх амой. Зэрэмдэг ядрав бололтой өшигчин дэвсэхээ болилоо. Түүний үзэмжгүй муухай уруулын булангаар хөөс цахран гарах ажгуу. Тэрбээр арабууддаа тушаал өгөв. Тэд, түүний жанчуулж цус нөжиндөө холилдсон биеийг шүүрэн авч хашаанд чирэн гаргав. Орон гарах ухаандаа Антонов, ингээд бүх юм дуусаж, түүнийг нүхэнд нь эргүүлэн оруулах нь гэсэн горьдлого тээж асан билээ.

Гэвч хамгийн аймшигтай зүйл дөнгөж л эхэлж байжээ.

Ахмадын биеийг хүнсээ бэлддэг ширээнээ хөндлөн гулд хаяв. Араас нь байшингаас галзууртлаа уурлан догшрох зэрэмдэг гарч ирэв. Тэрбээр дахиад юу ч юм богинохон тушаал өгч, Сергейг усаар цацуулав. Ухаан нь үл ялиг сийрэгшив.

Зэрэмдэг олзны хүний үснээс татаж толгойг нь өргөж, өмхий амаа Сергейн чихэнд тулгаж, ийнхүү өгүүлэв.

- Новш минь, бүх юм дууслаа гэж бодов уу? Гичий минь, тийм үү? Таасангүй. Чиний хувьд там дөнгөж эхлэж байна, нохой минь.

Тэрбээр олзны хүний толгойг түлхэж, хүлээстэй гарны олсыг огтлон баруун гарыг нь суллан ширээний дагуу тэнийлгэв. Алган дээр нь “ТТ” гар бууны гол төмрийг тулган хоёронтоо буудлаа. Бүх бие нь янгинан өвдөж байсан Сергейд зөвхөн алга нь хүчтэй түлэгдэх шиг л болов. Зэрэмдэг чөтгөрийн тамлалаа үргэлжлүүллээ. Гар буугаа хажуу тийш нь шидээд, зэрэмдэг ахмадыг угз татан өргөв. Нүүрээ нүүрэнд нь тулгаж:

- Нохой минь, чиний бурханыг загалмайд хадсан билүү, түүнийхээ жишээг дага мал минь!

Тэрбээр, Антоныг байшинд тулган барьсан пингийн хаалга руу түлхэв. Сергей хөл дээрээ тогтож чадалгүй, газар уналаа. Зэрэмдэг тушаал өгч, арабууд түүнийг өргөн босгов. Үзэмжгүй муухай сорвит толгой дахин ойртон ирэв.

- Хутга! гэж дээрэмчин алгаа дэлгэн шаардав.

Зэрэмдэгт өргөн урт хоёр талдаа иртэй алхан сүх өглөө. Тэрбээр Антоновын зүүн гарыг шүүрэн авч, хаалганд тулгаж хүчтэй цохилтоор алгыг нь хадаж орхив. Сүхний ир сарвууны ясны завсраар шигдэн оров. Сергейг тавив. Тэрбээр доошоо унжисхийхэд түүний биеийг сүхний өргөн ир тогтоон барих бөлгөө. Тийнхүү хагас цовдлогдсон тэрбээр дүүжлээстэй, ухаан нь орон гаран байх болой.

- За, орос оо, яаж байна? Манай хүндлэн зочлох ёс чамд ямар санагдаж байна вэ? Таалагдав уу, нохой минь? Мажийтлаа чи ингээд дүүжлээстэй байх болно.

Энэ бүхнийг хэлээд зэрэмдэг эр, олзны хүний нүүр рүү нулимав. Тэгээд тамлан зовоох газрыг хагас тойрог үүсгэн хүрээлэн маасалзан зогсох цэргүүдэд ийнхүү тушаав.

- Бүгд, өмхий нохойн хажуугаар өнгөрч байгаа болгон түүн рүү нулимцгаа, ойлгов уу?

Цугларсан цөөн хэдийн сайшаан дэмжсэн, ойлгосноо илэрхийлэх дуун анирлах амой.

... Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэн дээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Хоногийн дараа том толгойт Алигийн тушаалаар түүнийг салгаж авав. Өнгөрсөн өдөр тэрбээр байхгүй байсан агаад эргэж ирээд цовдлуулж, дөнгөж амьсгаатай байгаа олзны хүнийг хараад уурлан хилэгнэв. Тэрбээр зэрэмдэг рүү орилон хашхирч, эрүүн дороос нь нөгөөх гар буугаар нь чичлэх бөлгөө. Дээрэмчдийн толгойлогч, түүнд ноогдсон барааг нь хэн нэгэн гэмтээсэнд сэтгэл дундуур байлаа.

Ахмад Антоновыг хаалганаас салган авч, нүхэнд нь буцаан оруулав. Тэнд л тэрбээр өвдөхийг мэдрэхээ больж, эрэмдэглүүлсэн харь хүний мэт бие болон ер бусын саруул ухаантай болсон болой.

Долоо хоногийн дараа магадгүй түүнээс арай өмнө ч байж болно, Сергейг дахиад өргөж гаргав.

Хашааны дунд, мөрдэс болон нас сүүдрээр нь бодоход гэрээт цэрэг бололтой цус нөжиндөө холилдсон нэгэн хэвтэж байлаа. Түүний гар, хөлийг хүлсэн байх ажээ. Харин тойрон Алигийн хөлсний алуурчид зогсох аму. Сергейг цэрэг рүү хөтлөн авчрав. Али ахмадад хандаж:

- Энэ нохойг харж байна уу? Бид түүнийг урхидаж барьсан юм. Энэ гэрээт цэрэг новшийн амьтан байгаа юм. Тэд айлуудын байшин саваар хэсүүчлэн дээрэм тонуул хийж залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулсан. Тэдний дунд энэ байсан юм. Манай ахан дүүсийн цусанд энэ умбасан хүн. Тиймээс энэ одоо үхэх болно.

Алигийн үгийг сонсоод цэрэг тийчгэнэн хөдлөх ажээ. Үсийг нь хуссан толгойны нь судас гүрдийж, бие нь татганан чичирхийлнэ. Тэрбээр хүлээснээсээ мултрах гэж оролдох ч амжилт олсонгүй. Энэ бүхнийг Али харсан ч, огтхон анхаарал үл хандуулж, үргэлжлүүлэн:

- Тэрбээр мөнгө олохоор шунасныхаа үйлийн үрийг одоо хүртэнэ. Гэхдээ чи, ахмад аа, үүнийг түргэн үхэхэд нь тусалж болно шүү. Май!

Али гар буу Сергейд сарвайж:

- Энд ганц сум байгаа. Оросоо, өөрийнхөө хүнийг ал. Тэгснээр чи түүний биеийг зовлон зүдгүүр болон өмхий нүхнээс ангижруулж буян хийх болой. Амбаарт чамд зориулсан зөөлөн гудас байгаа. За юу?

Хүсвэл дунд хуруугаараа гохыг нь дарж болох ч, дээрэмчний зүг гол төмрийг нь эргүүлэн дарж амжихгүй тул хавдсан гар нь даахгүй байгаа мэт дүр эсгэн “ТТ” гар бууг газар унагав. Али бүгдийг ойлгож байв.

- Хүсэхгүй байх шив дээ? За тэгвэл биднийг дайснаа хэрхэн алахыг хар.

Тэрбээр тонгойж, золгүй залуугийн нурууг өвдгөөрөө өвдөглөн, махир хуруугаа нүднийх нь ухархайд шигтгэн толгойг нь гэдийлгэн татаад, “Аллах Акбар! ” хэмээн зэвүүнээр орилон олзлогдсон цэргийн эрүүн доорх чангаар татагдан төвийх хоолойг нь хутгаар огтоллоо. Хоолойнд нь дүрслэхийн аргагүй өргөн шарх ангайн харлаж, өтгөн хар цус шороо тоосон дээр олгойдон гоожив.

Алуурчин ингээд зогссонгүй. Тэрбээр тохойгоо хүртэл цусанд будагдсан гар дахь хутгаараа үргэлжлүүлэн огтолж, цуст үйлийн золиос бологчийн толгойг салган өөрийнхөө дээр өргөлөө.

Дээрэмчний цаазлах ажиллагааг ердийн дадал болсон үзэгдэл мэт ажиглан тойрон зогсогчид, холоос нэгэн дуугаар ийн орилолдов.

- Аллах Акбар!

Али өндийж, гартаа толгойг барьсаар Антонов руу ойртон ирлээ.

- Заваан гахай минь, харав уу? Хэрэв чамайг золиос төлж худалдан авахгүй бол чамайг ч ингэх болно. Энэ өөдгүй амьтанг нүхэнд нь хий!

Хоёр өдрийн дараа Сергейг ээлжит удаагаа дээш нь татан гаргахад, хатсан сувагт хаясан гэрээт цэргийн толгойгүй цогцсыг харсан агаад дараахан нь бензин асгаж шатаахыг харсан болой. Харин үрчийж хатсан толгой нь хашааны шонгуудын нэгэн дээр удтал зоолттой байв.

...Үхлийн цаг минь ойртлоо...

Эцэст нь өнөөдөр түүний хувь тавилан шийдэгдэх ёстой байлаа.

Манайхан золиос төлөх болов уу? Үгүй бол солилцоо хийхийг санал болгож болзошгүй биш үү? Тэгж болох ч юм, үгүй ч байж болох юм? Ахмад Антонов бээр золгүй түрүүчийн хувь тавиланг хуваалцах ч юм бил үү? Чечень даяар түүн шиг хоригдлууд хэчнээн их байгаа бол оо? Бүгдийг золиос төлж авахад мөнгө хүрэлцэхгүй биз. Тэгснээс данснаас хасчих нь амархан бус уу? Ангийн данснаас сураггүй алга бологсдын бүртгэлд бүртгэн хасчихсан уу? Яковлев ямар нэгэн юм хийж болох юм аа? Өөрийнхөө үхэх ял оноосон офицероо аврах ямар нэгэн учир шалтгаан түүнд байх уу? Юутай ч, гайхамшиг тохиож, түүнийг эндээс татан гаргах ч юм бил үү ?

Ийм л горьдлоготой, сүүлчийн найдвараа тээн, түүнийг хэзээ нүхнээс гарган ялын тогтоол уншихыг Сергей хүлээх амой.

Шөнө дундын алдад хашаанд хөл хөдөлгөөн болох дуулдав. Хэн нэгэн тушаал өгч, энэхүү тушаалыг биелүүлэхээр яаран гүйлдэх ажээ. Энэ бүхнийг тунгааж үзвээс Их Чингиз ирсэн бололтой.

Түүний таамаглал оносон байв.

Хагас цаг орчмын дараа нүхний тагийг өргөн зайлуулж доошоо олс унжууллаа.

- Биендээ уя, өргөж гаргая.

Сергей олсоор биеэ тойруулан ороон зангидав. Түүнийг өргөж гаргалаа. Хэдийгээр орой болсон ч түүнийг үл харгалзан хашаанд бүгд жагссан байлаа. Том толгойт Али ялгах тэмдэггүй цэргийн дүрэмт хувцас өмссөн том биетэй хүнд илтгэл өгөх авай. Зэрэмдэг жагсаалын баруун жигүүрт зогсож харагдана.

Нүхнээс өргөн гаргасан олзны хүний зүг дарга эргэн харав. Тэр даруйдаа буцаж эргэн зааварчилгаа өгч байсан үгээ үргэлжлүүлэв. Дахин эргэн харж, тушаал өглөө.

- Түүнийг байшинд оруул.

Сергейг танил өрөөнд чирэн оруулж, эсгий дэвсгэр рүү чулуудав.

Гарт нь гав зүүлээ. Хачирхалтай нь ахмадын сэтгэл нэг л тайвшраад явчихлаа. Дөнгөж саяхан л түүнийг зовоож байсан түгшүүр, сэтгэл догдлол, өмнө нь гэнэт өвдөлт мэдрэхээ больсны адил алга болов.

Антон хэвтсээр, цаашид юу болохыг хүлээж байхад, дотоод сэтгэлд нь зөвхөн мөнөөх дуу л эгшиглэж байв:

...Үйлийн үр минь ирж Үхлийн цаг минь ойртлоо...

Дуу урьдын адил цухалдуулсангүй. Хүн нүдэнд үл үзэгдэх тэр л саад бэрхшээлийг даван туулснаар, үхлийн өмнө айн мэгдэх, гутаан доромжлогдох, өвдөж зовох бүхэн ард хоцорч, тэрбээр нөхцөл байдлаас илүү хүчтэй, өндөрт гардаг тэр л хил хязгаарт ирсэн бололтой.

Чечень дарга орж ирлээ. Төлөв түвшин царай харагдав. Нямбай тайрсан хууз сахал, богинохон тайрч зассан був буурал үстэй эр байв. Төлөв даруухан тэр битгий хэл сэтгэл татам аятайхан царайтай эр байх амой. Нүд нь ухаалаг атлаа ядарч, гунигласан харцтай ажээ. Яг л Кирхан өвгөний нүд шиг.

Тэрбээр цонх руу ойртон очиход араас нь залуувтар нэгэн орж ирэхийг харвал мөн л цэмцгэр агаад түвшин нэгэн байв. Бие хамгаалагч нь уу, туслах нь уу? Туслах нь бололтой. Хээрийн захирагч ийнхүү тушаав.

- Түүний гавыг аваад, биднийг үлдээ.

Чечень эр орос хэлээр бараг аялгагүй, үгийн дарааллыг өгүүлбэрт зөв байрлуулан цэвэрхэн ярих амой. Туслах өөрийнхөө араас хаалга чимээгүйхэн хааж, гарч явлаа. Нам гүм боллоо. Цонх руу чечень эр ойртож, тамхиа асаав. Яриагаа санаанд оромгүй гэнэтийн сэдвээр эхлэв.

- Үүлс доошоо суучхаж ээ, бороо орох нь дээ.

Ингэж яриа эхэлнэ гэж ахмад огтхон ч бодоогүй байсан тул давтан асуусан нь:

- Бороо юу?

- Тийм ээ. Чи бороонд дуртай юу?

- Энэ тухай би бодохтой манатай байхад уу?

- Чиний зөв. Харин би дуртай. Аянга цахилгаантай, хүчтэй ширүүн бороонд дуртай. Эргэн тойронд гал цахилгаан бадарч, бүгд ганиран галзуурах тэр мөчид дуртай.

Чечень эр юунд ч юм эмгэнэн гашуудаж санаа алдах шиг Антоновт санагдав.

- Намайг бүгд Их Чингиз гэж нэрлэдэг юм, чи зүгээр л Чингиз гэж дууд.

- Энэ тэгээд нэр чинь үү?

- Үгүй.

- Ойлгомжтой. Намайг юу хүлээж байнав дээ?

- Чи үхэх болно.

- Илэн далангүй хэлсэнд баярлалаа. Тэгэхээр миний төлөө золиос төлөхөөс татгалзаа юу?

- Яг тийм. Энэ ч муу шүү. Юуны түрүүнд чамд.

- Лавтайяа, шинэ улс төрийн бодлого байх. Учир утгагүй хүмүүсийг хулгайлах явдлыг таслан зогсоохын тулд алан хядагч нарт мөнгө төлөхгүй.

- Чи чинь, энэ бүхэн өөрт чинь хамааралгүй аятай ярьж байх чинь.

- Харин би өөр юу хийх билээ? Чингиз чи мэдэж ав, би ядарчээ. Энэ бүхнээс үхтлээ залхаж, ядарч байна. Бас энэхүү нохойн амьдралаас ч гэсэн.

Чечень эр ойртон ирж, зэрэгцэн суув. Ийнхүү асуулаа.

- Чамайг бидний эсрэг эрэлхэгээр тулалдаж байсан гэж би сонссон юм байна?

- Тулалдаж байсан гэдэг хэтрүүлсэн үг байна. Би чинь авто тээвэрчин л болохоос десантчин эсвэл явган цэрэг биш шүү дээ. Бидний үүрэг бол ачаа тээвэрлэх. Хэрэв чиний ахан дүүс довтлох юм бол ч, заримдаа бид тэднийг муугүй нударчихдаг байлаа. Нэг удаа танайхан ч хариуг нь барьсан шүү. Тэгэхэд би Ростовт цэргийн эмнэлэгт бараг хоёр сар хэвтсэн. Нэгдүгээр ажиллагааны үеэр юм даг. Харин юу гэж?

- Би бүр Афганистанд тулалдаж байлаа. Наян гурваас наян таван онуудад. Мотобуудлагын рот захирч байсан юм. Танайхны цувааг ч даган хамгаалах тохиолдол ч гарч байлаа. Тиймэрхүү. Нэг удаа чиний одоогийн байгаа байдалд ч орж байсан шүү.

- “Душ” (Душ - Душман)-уудад баригдаа юу?

- Тийм, гээд Чингиз дуугаа хурааж, шинээр янжуур асаалаа.

- Яаж яваад чи баригдчихдаг билээ?

- Бие даан ротоо ажиллагаанд оруулсан юм. Цувааг занганд оруулахаар бэлдсэн ч, өөрсдөө хавханд орчихсон юм. Бие бүрэлдэхүүнийхээ үндсэн хүчийг тулааны эхний арван минутад л алдсан. Дайсан биднээс олон дахин илүү хүчтэй байсан. Надтай хамт хорин хүн л олзлогдсон. Бидний сум, галт хэрэгсэл дуусаж, тусламж авах боломжгүй байлаа.

Чингиз дуугаа хурааж, тэрхүү цуст тулааныг дурсан санав бололтой. Сергей асуусан нь:

- Цааш нь юу болсон вэ?

- Оргосон. Пакистан руу нэвтрэн ордог нэгэн даваан дээрээс.

- Амьд үлддэг чинь азтай л хэрэг байна.

- Энэ юу ч биш. Бид дөрвүүлээ оргосон ч өөрийнхөндөө би л ганцаараа хүрсэн. Уулаар хэрэн хэсэж их ч удаан явсан даа.

- Тэр цаг үед чи ч, би ч нэг талын өөрийн хүмүүс байждээ. Тэгтэл одоо дайсан болчихсон байдаг.

- Тийм ээ, одоо дайсан. Айхавтар муухай шударга бус явдал шүү. Гэхдээ чи бид хоёр энэ дайныг өдөөгөөгүй, бидэнд хэний үнэн, хэний буруу болохыг шүүх эрх байхгүй. Чиний хувьд би дээрэмчин, миний хувьд чи эзлэн түрэмгийлэгч. Ялгаа нь энэ болой. Орос оронд болж буй энэ бүх хэрэг явдал нэгэн генералын хэлсэнчлэн аажимхан буглагч заг хүйтэн өвчин шиг л юм. Түүний зөв байжээ. Аажимхан буглагч өвчин нь бүх бие махбодийг идэн сульдуулах ажээ. Гол эх сурвалж нь энд Чеченьд байгаа юм. Харин яагаад тэр билээ?... Энэ тухай ярих нь утга учиргүй юм. Энэ дайны хохирогч нь бид, хэн нь түрүүлж үхэх вэ гэдэгт л асуудлын учир байгаа юм.

- За, тэр асуултанд чи түрүүн хариулчихна билээ.

- Би цаазаар авахыг, тэр тусмаа олзлогдогчдыг цаазлахыг эсэргүүцдэг хүн, гэхдээ хэдийгээр Алигийн бүлэг надад захирагддаг ч гэсэн түүний хувийн хэрэгт би оролцож болохгүй. Тийм ёс заншилтай юм. Чи түүний олзны хүн, тэр чамтай яаж харьцах нь түүний хэрэг. Бид чиний төлөөсөнд мөнгө авахыг зорьсон. Эхлээд хэлэлцээг хурандаа Яковлев хийсэн юм. Тэр үед чамд боломж байсан юм шүү. Амьд үлдэх сайхан боломж байсан. Гэвч өнөөдөр сүүлчийн уулзалтад Яковлевийн оронд ирсэн хүн, цаашид хурандаа юу ч шийдэхгүй гэж мэдэгдсэн. Энэ хүн, аюулгүй байдлын албаны хошууч чамайг нэн даруй суллан тавих шаардлага тавьсан. Золиос төлөх болон солилцох ямар ч асуудал байхгүй! Бидэнд асуудал үүсгэнэ шүү гэж сүрдүүлсэн. Хүний амь амьдралын тухай асуудал яригдаж буйг мэдэхгүй, хэрэг явдлыг өнгөц шохоорхогч мэт аашилж байна билээ. Бидний хувьд түүний сүрдүүлэг хий хоосон тоос л гэсэн үг! Тэрбээр өөрийнхөө оролцоогоор бүгдийг нь бусниулчихлаа. Бүгдийг нь шүү! Чиний хувьд ч. Хэрэг дээрээ бидэнтэй ярихыг хүсэхгүй байгаа бололтой. Тиймээс чи үхэх болно. Эхнийх нь чи. Цаашид миний болон бүлгийн минь хувь тавилан юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Магадгүй, хошуучийн биднийг занан сүрдүүлсэн сүрдүүлэг нь хоосон үг биш байж болох ч, гэхдээ энэ нь чамд ямар ч тус нэмэр болохгүй. Эрт, орой нэгэн цагт бууны сум, бөмбөгний хэлтэрхий намайг онох нь дамжиггүй. Энэ бол зайлшгүй тохиох зүйл.

- Чиний хувьд бүх зүйл дуусчихаагүй байна. Чи бууж өгч, энгийн номхон иргэдийн дунд орж нуугдаж, довцог толгодын араар бултчихаж болно шүү дээ.

- Үгүй дээ. Би чиний саяын тоочин хэлсэн зүйлийг хийж чадахгүй Би Ариун Тангараг өргөсөн хүн. Ерэн таван оны шинэ жилийн шөнө Грозныйд миний ах алагдахад би өшөөг нь авна гэж тангарагласан юм. Цусан өшөө авалт бидний хувьд цаг хугацаанд захирагддагггүй гэдгийг чи мэдэх л ёстой.

- Мэдэж байна.

- Тэгэхээр ахмад аа. Эхний удаа чамд аз дайрсан бол одоо үгүй ажээ. Үүнд миний буруу байхгүй шүү, Ахмаад! хэмээн Чингиз туслахаа дуудав. - Олзны хүнийг авч яв, гавлах хэрэггүй, Алиг над руу дууд.

Ахмаад нэгэн арабын тусламжтайгаар Антоновыг хашаанд чирэн гаргаж, нүх рүү олсоор буулгав. Түүний хувьд, Оросын армийн ахмадын амьдралын сүүлчийн цаг хугацаа ирж байна. Хором ч байж болох юм. Нөгөө л дууны дахилт тархинд чангаар эгшиглэмү:

... Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэн дээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Цаг хугацаа удаанаас удаан өнгөрөх мэт Антоновт санагдав.

Борооны хувьд Чингизийн зөв байжээ. Гэнэт цахилгаан хурцаар гялалзан цахиж, тэр даруй чих дүлийрэм аянгын дуу хавцлаар нэг удтал цуурайтан замхарлаа. Тэгээд л аадар бороо цутгалаа. Үл эвлэрэгсдийн хээрийн захирагч нарын нэгэн болох Их Чингизийн дурладаг хүчтэй, ширүүн бороо хувингаар цутгах мэт шаагих ажээ.

Үхэх ял ахмад Сергей Антоновт оноосон түүний дуртай догшин хүчтэй ширүүн аадар шаагин орох бөлгөө.

Холбооны цэргийн төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрээ Чингиз бүтэмжгүй боллоо гэж үзсэн бол, холбооны хүчнийхэний хувьд өөрөөр үзэж байлаа. Уулзалт төвийг сахисан бүсэд болсон юм. Тэнд ХАБА-ны төлөөлөгчдийн хамт, Яковлев руу генерал Кадышевийн өөрийнх нь илгээсэн дэд хурандаа Согрин байлцсан ажгуу. Тэрбээр яриа хөөрөөг бусниулагч хошуучийн дүрд тогложээ. Бүх юм тусгай албаныханы төлөвлөснөөр явагдлаа. Чингизд золиос төлөхөөс татгалзсан нь зовлонд өртсөн офицероо золигт гаргасан хэрэг биш байлаа. Харин ч бүр өмнөө зорилготой байв. Уулзалтыг оройн цагаар хийхээр төлөвлөсөн нь түүний төгсөлд Чингизийн бүлгийн араас, барьцааны хүнийг чөлөөлөх ажиллагаанд мэргэшсэн “Хуй салхи” нэрт тусгайгийн анги хөдлөхөд оршиж байв. Хэлэлцээр явагдаж ахуйд ойрхон орших “ногоон” бүсэд анги төвлөрөн байв. Мөрдөн дагах ажиллагаа хэдхэн хором саатсан нь хэлэлцээр хийх ажиллагаанд оролцсон дэд хурандаа Согрин болон өөрийн анд нөхөр ахмад Антоновыг чөлөөлөх ажиллагаанд өөрийн биеэр оролцох санал тавьж, тулган шаардсан ахмад Бережной нарыг хүрэлцэн ирэхийг хүлээснээс үүдэлтэй болой. Тусгай ангийн захирагч, мэргэжлийн бус хүн санамсаргүйгээр, “тусгай”-гийнханы өөрийн эрхгүй хийх болтлоо дадал болсон тооцоо бүхий үйлдлүүдэд саад болж болзошгүй гэж үзээд эхлээд татгалзсан болой. Гэвч, ахмадыг хүн ёсоор ойлгож, түүнийг ажиллагаанд оролцуулж, ангийн байлдааны ажиллагааны ар талын хянагчийн үүрэг ноогдуулсан ажээ.

Тэгээд Чингизтэй яриа өрнүүлэхийн тулд Антоновыг нүхнээс татан гаргаж байх тэр үед шууд дайран довтлоход тохиромжтой газар “Хуй салхи” ангийн дайчид ажиллагаанд бүрэн бэлэн тархан байрлаж, Чингизд захирагддаг Алигийн дээрэмчдийн үндсэн хүч байрласан хашаа хороо болон аулд дөтлөн очих зам харгуйг бүрэн хяналтанд авав.

Харин жижгэвтэр төглийн ойролцоо хаяанд нь шөнийн дуран харааны хэрэгслээр ангийн захирагч дэд хурандаа Согрин болон “тусгай”-гийнханыг дагалдсан ахмад Бережной нар нөхцөл байдлыг хянаж байлаа.

Аадар бороо Сергейг шалав норгов. Гэвч тэрбээр үүнийг огтхон ч анзаарсангүй. Түүний хувьд сүүлчийн байж болох энэхүү цаг мөчид тэрбээр өөрөөс нь болон дайн тулааны талбараас хэдэн зуун километрийн цаана байгаа Маринагийн тухай бодож байлаа. Бүсгүй түүнийг хүлээж байгаад Сергей итгэл төгс байсан ч, зөвхөн Марина минь дэмий л хүлээх нь дээ! Чиний Сережа хэлсэн үгэндээ хүрсэнгүй дээ! Ойрхон байсан аз жаргалаа хүлээн буй бүсгүй, түүнийг амь үрэгдсэн тухай аймшигтай, өр өвдөм мэдээг хэрхэн хүлээн авч буйг тэрбээр дүрслэн бодов.

Цаазын ялаас Антонов өчүүхэн ч айхгүй байв. Ойртон буй үхлийн учир утгагүйг л мэдэрч байлаа. Офицер хүний ёсоор тулааны талбарт амь үрэгдээгүй нь золгүй хэрэг юм. Дайсантайгаа тулалдаж байгаад биш шүү. Харин хэнд ч хэрэггүй, ойлгомжгүй дайны ар талд амиа алдах гэж. Тэр бүү хэл тулааны талбарт бус, хэрэв өөрөөр нэрлэн хэлэх юм бол цуст адал балмад явуулгад оролцогч хэдэн зуун мянган хүмүүсийн нэгэн болох Оросын армийн ахмад Сергей Антонов яргачны гарт амиа алдах болж байна. Үүнд л гомдмоор байлаа.

Энэхүү хүчирхийлэн эвдлэн сүйтгэгч хорт тахал хир удаан үргэлжлэх бол оо? Дөнгөж саяхан л Их гүрний ах дүү ард түмэн байсан үндэстнүүд, өдгөө үндэстэн хоорондын цуст тэмцэлд татагдан орж бүх улс орон даяар гинжин урвалаар тархан дэлгэрдэг нь юуны учир байна вэ?

Бодол санаа нь үүнээс уламжлан улс төрийн нэвтэрч үл барам уралдаан руу шилжив. Амьдралынхаа сүүлчийн мөчид ирээд байгаа түүнд энэ тухай бодож болж байна гэж үү?

Гэвч санаа бодлоо тушаалаар зогсоож үл болох тул үргэлжлэн асуулт тавихын хамт нэгэн зэрэг хариулт эрэн хайх нь зарчмын хувьд байж боломгүй зүйл байлаа.

Харин Сергей цаазлуулах тухайд тайван байлаа. Тэрбээр алуурчны өмнө очих үедээ биеэ хэрхэн авч байхаа сайн мэдэж байв. Түүнийг багалзуурдан авах хүч хүрээсэй л билээ. Хүрээсэй л билээ. Өөрийнхөө амьдралын замыг нэр төртэй дуусгах юм шүү. Үхсэн ч, өргөлийн амьтан шиг бус, эр хүн шиг үхэх болно. Үүнийг л тэрбээр тэнгэр бурхнаас гуйх амой.

Чингизтэй ярьсан яриагаа дурсан саналаа. Түүний зөв билээ. Өнөөдөр ахмад Антонов үхэж байхад, маргааш үгүйдээ арай хожуухан энэхүү тавилангаас хээрийн захирагч тэрбээр мултрахгүй амой: Тэрбээр ч, түүнд захирагдсан бүлэг ч хүртвэл зохих өр төлөөсөө хүртэх болно. Түүнийг, ахмад Антоновыг аллаа ч, алуурчид өөрсдөө сүйрэх тавилантай. Тэгвэл яагаад энэ галзуурал үргэлжлэх ёстой юм вэ? Яагаад зогсоож болохгүй байгаа юм вэ? Зэр зэвсгээ хураалгаж, энгийн номхон амьдралыг эхлэж болохгүй хэрэг үү? Зүгээр л АМЬДРАХ шүү дээ? Энэ л хамгийн гол нь болохоос, хэн нэгэн засаг ноёны ухаангүй ойворгон үзэл бодол, мөнгө хөрөнгө, засаг захиргаа биш билээ! Засгийн эрх барихын төлөө хүн төрх, эрүүл ухаанаа алдах ч биш билээ.

Бурхан минь! Өөрийнхөө бүтээсэн бүтээлдээ анхаарлаа нэг хандуулаач. Таныг яаж ч нэрлэдэг бай. Та бол цорын ганц бүтээгч нь шүү дээ, Таны тааллаар дэлхий ертөнцийг бүтээн, удирдана бус уу. Яагаад Та түүнийг, цусаар найрлагч эрх баригч чөтгөрийн гарт өгчихөв өө?

Сергей нүүрээ ханцуйгаараа арчив. Толгойгоо өргөж дээшээ харлаа. Аянга цахилгаан уул нуруудын цаагуур нүргэлж, бороо намжив. Өндөр уулын гүн хар тэнгэрт одод гялалзан харагдах нь тун ч ойрхон агаад асар олон, арай л том юм шиг санагдах авай. Үхэх ялаар шийтгүүлэгчийн сүүлчийн хүсэл болоод сэтгэл зүйг яг таг илэрхийлж дээ энэ дахилт:

...Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

Чих дүлийрэм аянга цахилгааны дараах нам гүмд нүх рүү ойртон ирэх алхаа тодхон сонсогдов. Хэн нэгэн түүн рүү ирж байна. Үгүй бол түүнийг аваачихаар ирж байна уу? Гэхдээ тэгэх юм бол хашаанд хөл хөдөлгөөн өрнөх ёстойсон. Цаазлах ажиллагаанд Алигийн бүх дээрэмчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах нь лавтай. Гэсгээн шийтгэх ажиллагаанд тохиромжгүй л цаг байх юм, иймэрхүү үйлдлийг ихэвчлэн үүрээр л үйлддэгсэн.

Гэвч хэн нэгэн ойртсоор авай. Яах гэж байгаа юм бол оо?

Алхах чимээ сонсогдохоо болив. Сараалжин тагны дээр хэн нэгэн тонгойж, нүхэнд танил дуу намуухнаар цуурайтаж:

- Ахмад аа, чи яаж байнав?

- Сайн байна л гэх үү дээ, Чингиз. Цаг болоо юу?

- Үхэх гэж яарч байна уу?

- Намайг тавих гэж чи ирээгүй байлгүй дээ?

- Ахмад минь, хүсэл байвч чамайг би суллан тавьж чадахгүй. Гэвч би нэг юм бодлоо л доо...

Тэрбээр хэсэгхэн зуур түгдрэв. Хэн нэгнийг зэргэлдээ байгаа эсэхийг харсан ч байж магадгүй, өөр зүйл ч хийсэн байж болох. Дараа нь үргэлжлүүлэн:

-...Би ингэж бодлоо. Хонь адил хоолойгоо хэрчүүлэх нь чамд тохирохгүй. Ямар ч гэсэн чи офицер хүн. Нэгэн цагт би ч гэсэн офицер... байсан. Ерөнхийдөө, барьж ав...

Юу ч юм доошоо нисэж, Антоновын хажууд гар буу уналаа. Чингиз үргэлжлүүлэн:

- Наадахын чинь хүхээнд ганц сум байгаа. За, чи ойлгож байгаа байх. Чиний хувьд би үүнээс илүү юм хийж чадахгүй. Хэрэв арай эртхэн байсансан бол, гэвч энэ тухай юу ч ярих билээ?

Тэрбээр “хэрэв арай эртхэн байсансан бол” хэмээх үгээрээ юу учирлав гэдгийг Сергей ойлгосонгүй, гэхдээ энэ нь одоо цагт гол зүйл биш байв. Хээрийн захирагчийн ямартаа ч буруугаа хүлцсэн аястай зангирсан хоолойгоор хүүрнэхийг үргэлжлүүлэн сонсож байлаа.

- Ахмад аа, одоо чи хэрхэхээ өөрөө шийд дээ. Бидний амьдрал ийм л байх тавилантай байж. Чөтгөр түүнийг аваасай билээ... Би явлаа... Хагацъя, ахмад аа.

- Хагацъя, Чингиз, хэмээн Антон хариулав.

Гэвч шөнийн зочин түүнийг сонссонгүй, аль хэдийнээ газар доорхи шоронгоос холдон явсан байлаа.

Антон шууд гар бууг авч чадсангүй. Гарынх нь царвуу бамбайн хавджээ. Ямартай ч зүүн гараар авч чадсан агаад түүний эрэмдэг болсон алганд “ТГ-ны бариул атгаастай байж байлаа. Тэрбээр гохонд хуруугаа хүргэж, аяархан дарсхийхэд болж байв. Бүх юм жин тан. Тэрбээр буудаж чадах нь. Энэ бүхний чинь төлөө офицер асанд баярлалаа. Одоо дээрэмчид ТЭДЭНД ялагдсан орос офицерыг харахгүй нь лавтай боллоо. Тэрбээр хүссэн үедээ амьдралаас өөрөө явах болно, тэгээд ч бурхан түүний энэхүү зайлшгүй агаад цайруулж болох нүглийг нь өршөөх болно.

Хүйтэн, чийгтэй ханыг Сергей налан сууж, нүдээ анив.

Хэдий хэр хүлээх бол оо? Цаг уу? Хоёр цаг уу? Үгүй бол хэдхэн минут уу?

Хагас цаг гаран л болов.

Хашаанд гэрэл асаж, ямар нэгэн заавар өгсөн дуу шуугиан цуурайтаж, цэргүүд байшингаас гарч ирцгээв.

Эхэллээ.

Хэн нэгэн, Чингиз л лав биш, товчхон тушаал өгч, худаг руу хэдэн хүн харь хэлээр юу ч юм ярьцгаан ойртон ирэв.

Цаг болжээ.

Сергей цэнэгтэй гар бууг өргөж, хүйтэн гол төмрийг нь чамархайдаа тулгалаа.

Одоохон! Олс доошоо шидэх тэр үед л...


Top
   
PostPosted: Sep.23.17 1:25 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хүүе Surfer ee яагаад хамгийн чухал, бүүр хамгийн чухал үед тасалчихав аа...Антон үхэхгүй биз дээ, ийм утгагүй төгсгөл гэж байхгүй биз дээ....


Top
   
PostPosted: Sep.23.17 6:16 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Дуусаагүй ээ, одоо ганц сүүлийн бүлэг бий...


Top
   
PostPosted: Sep.24.17 12:24 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ГУЧДУГААР БҮЛЭГ

“Хуй салхи” тусгай ангийн дайчид аулыг гурван талаас нь бүслэн хааж тархан байрлалаа. Тэд гинжэнд тархан, хоорондоо бие биенээ хянах нүдэн баримжааны зай авч хэвтэцгээв. Хүн бүр өөрийн үүрэгтэй агаад юу хийхээ мэдэх тул гарынхаа бугуйнд буй цагны нүүрэн дээр улаан гэрэл анивчих тэр агшинд дайралтаа эхлэх болой.

Дэд хурандаа Согрин хашаанаас харцаа үл салгах амой. Тэрбээр, олзлогдсон ахмадыг хорьсон худаг руу нэгэн цэрэг ойртон очихыг харсан агаад өмсөн хувцас болон байр байдлаараа эгэл нэгэн биш болох нь илэрхий байв.

Тэр даруй даргынхаа хажууд хэвтэж байсан бүлгийн мэргэн бууч винтовоо хараалан чечень эрийг овоо хараандаа аван өчүүхэн ч төдий ч хөдөлгөөнийг нь ажиглах болой. Олзны офицерт заналхийлсэн нэг л хөдөлгөөн хийвэл лалын дайчны сахалтай толгойг сум зад цохих аму. Гэвч шөнийн зочны зүгээс ямар ч аюул заналхийлсэнгүй. Цэрэг хоригдолтой их л тайвнаар юу ч юм ярилцах ажээ.

Чечень эрийн гарт гар буу үзэгдэхүйд мэргэн бууч биеэ хураан түүний хуруу винтовны гохыг аажимхан дарж буудахад бэлэн болов. Гэвч сахалтын гараас гар буу мултарч худаг руу унан үзэгдэхээ болив. Энэ үед цэрэг хөдөлгөөнгүй зогсох авай.

Мэргэн бууч гохны даралтаа суллахуйд гох байрандаа буцлаа.

Чечень эр босож, байшинд буцаж оров.

Согрин мэргэн бууч хоёр өөд өөдөөсөө гайхан харцгаав. Олзны хүнд буу дамжуулан гэдэг юу гэсэн үг вэ? Тусгай бүлгийн даргын хувьд энэ нь үл ойлгогдох зүйл байсан агаад гартаа ногоон гэрэл анивчих бага оврын багаж барьсаар хяналтаа үргэлжлүүлэв. Удирдлагын багажны товчлуурыг дарснаар ногоон гэрэл улаанаар солигдож, богино долгионы дохиолол бүлэгт ажиллагааг эхлэх тушаал дамжуулах болой. Дайсан этгээдийн хувьд там гээч нь эхлэх болно. Гэвч удахгүй эхлэх цуст тулааны тухай юу ч үл илэрхийлэх лугаа одоохондоо эргэн тойрон нам гүм байх ажээ. Бүлгийн үүрэг тодорхой агаад чухамхүү энэ тулаанаар олзлогдсон офицерыг чөлөөлж, үргэлжлүүлэн салан тусгаарлагчдын бүлгийг бүрмөсөн устгах ёстой байлаа. Энэ бол дайсан аулаас зугтан гарах ёсгүй гэсэн үг юм. Амьд хүн олзлон авахгүй.

Байшинд гэрэл асав.Согрин цагаа харвал 4.24 болж байв. Удалгүй байшингаас зэвсэглэсэн хүмүүс гарч ирлээ.

Тэд хашааны төвд бөөгнөрөх ажээ.

Тусгай бүлгийн дарга 4:32-т дайрах дохио өглөө. Тэр даруй гурван аянга цахилгаан байшингийн зүг харвалаа. Эхний галлалтыг гранатометчид үйлджээ. Дэлбэлэгч цэнэгт гранат байшингийн цонхыг зүг бүрээс нь цөм цохин дэлбэрч, хашаан дотор нүд сохлом улаан гал дүрэлзэн шатлаа.

Хашаан доторх хүмүүс газар өнхрөн унацгаав.

Хоёр дахь галлалт газар хэвтэгсэд дээр аянга буулгаж нэгэн том гал бөмбөлөг болон нийлэн шатлаа. Залгаад автоматын шуурган гал нээв. Айн мэгдсэн, сүнс зайлам орилон чарлах, ёолох дуу цуурайлна. Бөөгнөрүүлсэн галын цохилт өгөнгөө “ тусгай”-гийнхан утаа тоос манарах хашаа руу ухасхийн дайрч амьд үлдсэн дээрэмчдийг богино ээлжээр галлан устгав.

“Тусгай”- гийн дайчид 4:43-т хашааг эзлэн авлаа.

“Ногоон” бүсэд үлдсэн мэргэн бууч аулаас гарах гарцыг анхааралтай ширтэн харах бөлгөө.

Хашааны дагуу хүний бие мөлхөх, араас нь бас нэгэн мурилзан мөлхөж буйг харлаа.Гадна талын хамгаалалтад байсан босогчдын цэрэг суурингаас гарахаар завдаж буй нь тэр болой. Ойрхон байгаа бут руу хүрэхэд тавиад метр үлдсэн байв. Тэд ч тийшээ ухасхийн босож гүйв. Нэгийн галаар буудах буудлагын дуу цуурайтлаа. Гүйлтэн дундаа буудуулсан хөлсний цэргүүдийн цогцос адар борооны усанд тоос нь дарагдсан шороон зам руу шургачин ойчив. Мэргэн бууч өндийн босож, өөрсдийнхнөө чиглэн алхлаа.

Сүүлчийнхээ буудлагыг хийхээр завдаж байсан Сергей эхний дэлбэрэлтийн чимээг сонсоод бие нь цочин татвалзлаа. Түүнийг ган татлагаар хөдөлгөөнгүй багласантай адил бүх бие нь чангаран чичрэх аму. Тэрбээр толгойгоо өргөн чагнав. Дээр нь нүд сохлом гэрэл бадарч, орилон хашхирах, автоматын эрчимтэй галлах дуун, түүний хоригдож буй байрлал руу ойртохыг сонсов. Түүний дээгүүр галлах энэ буудлага тэгэхээр ЮУ болох нь вэ? Хэн нэгэн аул руу дайран довтлох агаад энэ бүхнийг мэргэжлийнхэн л ингэж үйлдэж чадах ажгуу. Тусгай зориулалтат цэргийн ангийн залуус л ингэж ажилладаг болой.

Гар буу барьсан гараа буулгалаа. Тэрбээр шүлсээ залгин чичирч, дээшээ харсаар. Сүүлдээ нам гүм болж, шавхийсэн буудлага хоёронтоо сонсогдов. Антоновын бүх бие салганан чичрэвч, өөрөө хөдөлж ч чадахгүй байлаа.

Сараалжин тагны дээр хэн нэгэн тонгойж, сэтгэлд дулаахан хоолойгоор Вова Бережной ийнхүү хашхирав.

- Антон! Серега! Чи амьд уу?

- Эй-эй, би-би, хэмээн ахмад хариулахыг оролдсон ч дуугарч чадсангүй. Хоолой дээр нь бөөн юм тагларах болой.

- Серега! Чи амьд уу? хэмээн нүх рүү Володя үргэлжлүүлэн хашхирна.

- Амьд, гэж Сергей аяархан хариулж чадлаа.

Тэгээд бүх хүчээ шавхан байж, хашхирсан нь:

- Амьд аа!

- Амьд байна, чөтгөр чинь, амьд байна! хэмээн Бережной баярласнаа нуулгүй хашхирлаа. - Нөхөр дэд хурандаа! гэж тэрбээр хашаа дүүрэн хашхираад. - Миний найз амьд байна, ойлгож байна уу?

Согрин нүх рүү ойртон ирэв.

- За, чи айгаад байлуу, ахмад аа. Одоохон бид энэ кавказд олзлогдсон хүнийг хурдан татаж гаргая. Семенов! Колтунов! Над руу! хэмээн дэд хурандаа тушаав. - Ахмадыг нүхнээс татаж гарга. Тэр шархадсан байгаа, болгоомжтой зөөлөн, аядуу өргөөрэй, чадна биз?

- Нөхөр дэд хурандаа гүйцэтгэе!

Нүхний аман дээр хэдэн хүний нүүр тонгойж харагдана. Сараалжин тагийг хажуу тийш нь авч хаяв. Цэл залуухан хоолойгоор ийнхүү асуух сонсогдлоо.

- Нөхөр ахмад аа, олсоор өөрийгөө зангидаж чадах уу?

- Тэгье, гэж Сергей хэрчгэнэсэн хоолойгоор хариу дуугарав.

Олс доошоо буулгалаа. Тэрбээр энд хоригдож байхдаа өөрийгөө хэчнээн ч удаа энэхүү нарийхан олсоор өргүүлэхийнхээ өмнө тойруулан ороож зангидаж байв даа. Харин одоо чаддаггүй. Гар нь салганан чичирч, Антонов энгийн нэгэн зангилааг зангидаж чадахгүй байлаа.

- Нөхөр ахмад аа, болохгүй байна уу? Яахав. Та наанаасаа жаахан хажуу тийшээ болчих, би буугаад очъё.

Өнгөлөн далдлалтын хээрийн дүрэмт хувцастай тусгайгийн офицер доошоо гулган бууж ирэв. Олсны үзүүрийг хурдан гэгчийн тойруулан ороож чангалав. Өөд нь татахад дэмжлэг үзүүлэн дороос нь өргөлөө.

- Алив, дээшээ өргөөрэй! Нямбайхан болгоомжтой өргөөрэй.

За ингээд.

Дэслэгч биеийг нь дэмжин өргөхүйд тэрбээр дээшээ аажуухан өргөгдөн одов.

Сергей өөрөө ч мэдэлгүй шахам гар бууг элэгдэж урагдсан хүрэмнийхээ энгэрт шургуулжээ. Түүнийг өргөн гаргаж, майхан цуван дээр хэвтүүлэв. Сергейг ухасхийн тэврэн авсан Бережной:

- Антон! Бурханы аврал гэж! Амьд уу, анд минь! Чи минь яаж шуухан байв даа?

- Зү-зүгээр-ээ, бүх бие чичрээд байна, Вова...

Гэнэт мөр нь чичгэнэж, уйллаа. Дайчин офицер ахмад Антонов амьдралдаа анх удаа уйлж буй нь энэ болой. Түүний хацрыг даган бөөн бөөн нулимс урсавч, Сергей огтхон ч нуусангүй. Тэрбээр нулимстай нүдээр эргэн тойрноо тойруулан харваас тийм л нэг дотно агаад ширүүн дориун нүүр царай тойрон харагдах авай. Өөрсдийн хүмүүсийн сэтгэлд дотно царай ажээ.

Тусгайгийн дайчид ахмадыг хүрээлэн, энэхүү эрэмдэг зэрэмдэг болж, өчнөөн зовлон зүдгүүр амссан офицерыг харан зогсож байхдаа, түүнийг сэтгэлийг гүнээ ойлгож байлаа. Сергей ч анд нөхрийнхөө тэвэрт, мөр нь чичигнэн уйлсаар суух амой. Хар дарсан зүүд шиг аймшиг дууссанд, тэрбээр амьд мэнд үлдсэндээ баярлан уйлсаар байв. Түүнийг зөнд нь орхиж хаялгүй, эрэн хайж, олж авч аварсанд баярласан баярын нулимс түүний нүүрээр урсана. Хэлэх үг ч олдохгүй байв. Тэгэх ч хэрэггүй байлаа. Антоновыг спирт балга гэлээ. Тэрбээр спирт уухад чичрэх нь жаахан намдлаа.

Эвдэрхий барилгын зүгээс цэвэрлэгээ хийж буй дайчдын дуу гарлаа. Тэдний нэг нь өөрийнхөө даргад хандаж:

- Нөхөр дэд хурандаа, энд нөгөө нүх рүү очдог “чех” шархтай хэвтэж байна.

- Юу хийхээ чи мэдэхгүй байна уу? гэсэн асуултаар Согрин хариулав.

- Хүлээгээрэй, дэд хурандаа! Би чамайг хүлээгээч гэж гуйж байна! хэмээн Сергей дуу алдаад. - Намайг тэр чечень рүү хүргэж өгөөч.

Дэд хурандаа мөрөө хавчаад, ахмад Бережнойтой хамтран Антоновыг түшин, тэд түүнийг байшингийн булан руу, буудуулсан цээжээ даран хана налан суух Их Чингиз рүү аваачлаа. Тэрбээр ухаантай байсан ч хүндээр шархалсны улмаас амьд үлдэх боломжгүй нь илт байв. Чечень эр хажуу тийшээ харан сууж байсан агаад Сергейг авчрах зөвхөн тэр үед л тэрбээр толгойгоо эргүүллээ.

- Аа, ахмад уу. Намайг гүйцээхийг харахаар ирээ юу?

- Үгүй дээ, Чингиз, хэмээн Сергей арайхийн хэлээд, тийм юмны төлөө ирээгүй!

- Тэгээд яах гэж ирээ вэ? Бүх юм яаж эргэснийг харав уу? Одоо би түрүүлж үхэх нь байна. Харин чи амьд явах болно. Хувь тавилан гэж.

- Чи өөрөө л үүнийг сонгосон, энэ бүхэнд би буруугүй шүү дээ.

- Мэдэж байна.

Антонов, Согрин руу эргэн харж:

- Дэд хурандаа, бас нэг гуйлт байна.

- За, тэгээд!

- Дэд хурандаа, түүнийг бүү ал. Чамайг би гуйя. Даргаа ойлгооч дээ, тэрбээр намайг алахыг хүсээгүй юм. Тэрбээр афганд байлдаж байсан офицер хүн. Нөхцөл байдлын улмаас одоо бид дайснууд болчихсон байна. Гэвч сүүлчийн цаг минь ирэхэд энэ хүн намайг гай зовлонгоос зайлсхийх, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийдэх боломж олгосон юм. Дэд хурандаа, намайг түүнд өрөө төлөх боломж олгохыг гуйж байна.

Дээрэмчдийг бүгдийг нь устгах тушаал хүлээсэн офицер бодлогошрох амой. Антонов руу, Бережной руу, Чингиз рүү ээлжлэн харлаа.

- Тэгье дээ, ахмадаа, яахаа өөрөө л мэд.

Дөнгөж түрүүхэн л Чингиз өөрөө түүнд дамжуулж байсан гар бууг гарган ирж, шархтанд сарвайв. Тэрбээр авлаа.

- Ойлгож байгаа биз дээ, Чингиз, чиний төлөө миний хийж чадах зүйл энэ болой.

Чечень эр зовиуртайхан инээмсэглэж:

- Ойлгож байна. Баярлалаа, ахмад аа.

Чингиз алгандаа, хүхээндээ ганцхан сумтай өөрийнхөө “ТТ”-г атгах ажээ. Дахиж салах ёс хийсэнгүй.

Бережной Согрин хоёр Сергейг байшингаас бүх бие бүрэлдэхүүн цугларсан хашааны гол рүү авч явав.

Ард нь буун дуу гарав. Антонов цочин татгасхийж, эргэн харав. Чингиз ханын дагуу гулсан унах нь харагдлаа.

- Энэ дайныг хараал идээсэй билээ, гэж Сергей дуу алдав.

Согрин, Бережной хоёр дуугарсангүй.

Хэдэн минутын дараа нисдэг тэрэгний хөдөлгүүрийн онцлог шинж болох хүнгэнэх дуу гарлаа. Галын дэмжлэг үзүүлэх нисдэг тэрэгний хамт “Ми-8” газардлаа. Хөдөлгүүрээ унтраалгүйгээр бүхээгтээ тусгайгийнхан, Согрин болон Бережной нарыг суулгалаа. Өндрөө авч, умар зүгийг чиглэн нисэв. Сергейг тээн, эндээс түүний хувьд сүүлчийн болоод хоёр дахиа болж буй дайны галаас холдон нислээ. Гэртээ харихаар нислээ. Түүнтэй уулзахаар тэсч ядан буй Маринагийн байгаа тэр л газар руу.

Харин Бережной “Хуй салхи” бүлгийн захирагчид хандаж:

- Нөхөр дэд хурандаа, асуулт асуухыг зөвшөөрнө үү?

Согрин яагаад ч юм инээмсэглэж:

- Зөвшөөрч байна, ахмад аа!

- Танд манай батальонтой харьцах холбоо байна уу?

- Зөвхөн ангитай ч биш. Бас Москватай ч харьцаж болно, дөнгөж саяхан би чиний найзыг чөлөөлөх ажиллагаа дууссан тухай илтгэсэн. Харин яах гэсэн юм вэ? Ахмадаа хэн нэгэнтэй холбоо барихыг хүсээ юу?

- Яг тийм!

- Эхнэр үү?

Володя хоромхон зуур түгдэчсэнээ:

- Тийм!

- Утас аваад дугаараа шууд хий!

Вера тэр даруй хариулав.

- Байна уу!

- Вера!

Хариуд нь сэтгэл уужирсан шүүрс алдалт сонсогдов.

- Володя...

- Вера, надад цаг алга, уучлаарай, ганцхан зүйл хэлэхэд Антоныг олзноос гаргаж авсан, дамнуурга дээр хэвтэж байна, чамд мэнд дамжуулаарай гэж хэлж байна. Бид гэртээ харихаар замдаа гарсан! Удахгүй уулзъя, хайрт минь!

- Володя, чамайгаа би тэсч ядан хүлээж байна!

Бүсгүй дахин юу ч юм хэлэх гэсэн боловч Бережной холбоогоо таслав. Одоо тэдэнд бүгдийг ярих цаг хангалттай олдох болно.

Дэд хурандаа ийн асуув.

- Гэрийнхэн чинь сайн уу? Дажгүй байна уу?

- Дажгүй, нөхөр дэд хурандаа!

- Хамгийн гол зүйл энэ шүү дээ, ахмад аа! Чамайг найз чинь дуудаад байна, оч доо!

Володя дамнуурга дээр хэвтэх Сергей руу очиж, дэргэд нь суугаад:

- Антон, юу гээв?

- Сонс, Вова! Чи, бидний зэвсэг ачдаг агуулахыг санаж байна уу?

- Энэ чинь нөгөө Бекмураз чиний хойноос хөөцөлддөг үү?

- Тийм.

- Мэдээж, саналгүй яахав, юу гэж?

- Чи анги дээр очоод, боломж гаргаад тийшээ яваарай, тэгэх үү?

- Яах гэж?

- Тэнд очоод Маринаг олж уулз. Ангийн захирагч Воробьев түүнийг хаанаас олохыг хэлээд өгнө. Түүнд бүх болсон явдлыг яриарай, тэгэх үү? Зөвхөн, миний биеийн байдлын талаар нэг их юм ярьсны хэрэггүй... шархдаад цэргийн эмнэлэгт хэвтсэн, эдгээд очно гэж хэл. Түүнийг авахаар заавал очно гэж хэлээрэй!

- Тэгье, Серега, гагцхүү бүсгүй чамайг цэргийн эмнэлгээс эдгээд ирнэ гээд хүлээж байна гэж найдах хэрэггүй л болов уу даа.

- Яагаад тэр билээ? хэмээн асуугаад Сергейн царай барайв.

- Эмэгтэйчүүдийг чи мэддэггүй юм уу? Бүсгүй дуулаад л чамд руу явна гээд л зүтгэчихнэ. Тэгэхээр удахгүй уулзана гээд хүлээж бай.

- Намайг ийм өрөвдөлтэй байдалтай байхыг харуулмааргүй л байна.

- Энэ бүхэн чамаас шалтгаалахгүй, чи илүү дутуу юм бодолгүй унтсан нь дээр, бүх зүйл өөр өөрийнхөөрөө шийдэгдэнэ, харин чиний хувьд хамгийн сайн эм-нойр болой!

Сергей толгойгоо эргүүлж хажуу талын пулемётын онгорхой хаалгаар нисдэг тэрэг хэрхэн уул нурууд тойрон нисэхийг харлаа. Нисдэг тэрэг ахмад Антоновын хоригдож байсан байрлалаас улам бүр холдон нисэхүйд, түүнийг олзонд байх үед тархи толгойд нь цаг үргэлж эгшиглэж байсан:

...Үйлийн үр минь ирж

Үхлийн цаг минь ойртлоо

Үүрд хагацахынхаа өмнө

Үнсэхсэндээ би өнгөлөгхөн уруулыг чинь...

хэмээсэн дууны дахилт сульдан сульдаж, холдон холдсоор толгойноос нь арчигдан алга боллоо.


Top
   
PostPosted: Sep.24.17 1:24 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
мааш их баярлалаа, маш сонирхолтой ном оруулсанд, бас Сергеи аврагдсанд, урвагчид болон дайснууд далд орсонд. 2-р дайны тухай ном л уншиж бснаас биш чечены дайны тухай анхны ном энэ боллоо, тэр чингиз уг нь бас эр хүн байж дээ, харамсмаар...


Top
   
PostPosted: Sep.25.17 2:49 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 880
Үнэхээр амтархан уншлаа энэ сонирхолтой зохиолыг.Баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Oct.05.17 5:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Дайн гэж нээрээ зүгээр л тоглоом бх юм дөө. Эхэнд нь энэ дайныг 3н бүлэг хүсч бна гээд эхэлдэг яг л тэр :bawling:

Баярлалаа. Сайхан зохиол бна :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.09.17 2:48 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 253
Well played

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Nov.20.17 10:21 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 151
Location: S.Korea
:wd: баярлалаа.


Top
   
PostPosted: Nov.21.17 4:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Пдф-ээр өгч болох уу :brows: ?

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited