#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.27.17 5:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Sep.14.17 8:41 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ГЕРБЭРТ УЭЛЛС - СОХРЫН ОРОН

Чимборазогоос гэвэл гурван зуу гаруй бээр хол, цаст Котопаксаас гэвэл нэг зуун бээрийн зайтай, Эквадорын Андын уулсын хамгийн бөглүү хэсэгт хүний ертөнцөөс тасархай, нэгэн үл тайлагдах оньсого бүхий тал нутаг байдаг юм. Энэ бол сохрын орон ажээ. Одоогоос олон жилийн өмнө тэр нутагт очъё гэсэн хүн түүнийг хүрээлж байсан өндөр уулсын нил мөс, чулуу бүхий бартаатай замаар явж очих боломжтой байв. Тийм ч учраас Испанийн захирагчийн дарлал харгислал, дур хүслэнгээс зугтсан Перугийн нэг гэр бүл болох хэдэн эрлийз явсаар энэ тал нутагт ирж суурьшжээ. Тэгтэл удалгүй аймшигт Миндобамба хэмээх галт уул дэлбэрч, бүтэн арван долоо хоногийн турш Квитод шөнө болж, Ягуачид хүртэл голын ус буцалж байсан бөгөөд Гуаяквилд хүртэлх загас жараахай цөм үхжээ. Номхон далайн эрэг дагуу уулсын цас хайлж, гэнэт гэнэт үер бууж байлаа. Хаврын саран хэлбэртэй хөгшии буурал Араука уул цууран нэг хэсэг нь их биеэсээ салж, тэнгэр дуугарч байгаа мэт сүртэйеэ тас нясхийн нурж унаад сохорчуудын орныг) ертөнцөөс таслаж, хүний хөл хүрэхийн аргагүй бөглүү газар болгожээ. Гэвч эл нутагт аль дивангарт нүүж очоод суурьшсан хүмүүсийн нэг нь газар дэлхий айхтар хөдлөх үеэр уулын наана байж байгаад санаандгүй амь гарчээ. Ийнхүү эхнэр хүүхэд, найз нөхөд, өмч хөрөнгөнөөсөө салсан энэ хүн тэднийгээ мартахаас өөр аргагүй болж, нам доор газар шинэ амьдрал эхлэхэд хүрчээ. Тэрбээр хүнд өвчтэй байлаа. Удалгүй хараа нь муудаж нүдгүй болжээ. Эцэст* нь уурхайд ажиллах ял шийтгүүлж, тэндээ амьсгал хураав. Харин түүний ярьсан зүйл нь яв явсаар домог болон хувирч өнөөдөр тэр домгийг Андын уулсын Кордильерын нуруудын дагуу сонсож болно.
Бүр жаахан хүүхэд байхдаа тэмээн гөрөөсний нуруун дээр баахан хүнд ачааны хамт ачигдан явж, тэрхүү хүний хөл хүрээгүй газар очсоноо, мөн тэндээс яагаад явах болсноо ярьжээ'. Тэр хөндий бол цэнгэг ус, соргог өвст бэлчээр, зөөлөн уур амьсгал, арааны шүлс асгаруулам амттай жимст мод болон шимтэй хөрс бүхий ер нь хүний хүсэл мөрөөдөл болсон үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг байлаа. Нэг талд нь тэнгэр баганадан сүндэрлэсэн сүрлэг уулсын нарсан ой нь хэдэн арван жилийн турш хуримтлагдсан зузаан цас доош нуран унахаас хамгаалдаг байв. Нөгөө гурван талаас нь мөсөн малгай бүхий, өндөр өндөр, ногоон саарал өнгөтэй хадан хясаа хүрээлдэг байв. Харин аварга аварга мөс үргэлж уулын цаад уруу нуран унаж, доошоо бөмбөрдөг байсан бөгөөд хааяа ганц хоёр мөсний хэлтэрхий наашаа, нутгийн захад унадаг байсан юм. Тэнд хэзээ ч цас, бороо ордоггүй боловч тоо томшгүй олон гол горхи урсдаг тул шимтэй өтгөн өвстэй бэлчээр олон байсан юм. Тэнд ирж суурьшсан хүмүүс шинэ нутагт дорхноо идээшин дасжээ. Мал сүрэг нь мөн адил идээшин дасаж, тарга хүч авч, үржин төлжиж байлаа. Гэвч нэг л юм хүмүүсийн баяр баясгаланг гутаагаад байв. Маш ихээр гутааж байлаа. Нэг сонин өвчин тэднийг нэрвэж, тэр нутагт ирсний дараа гарсан бүх хүүхэд сохор төрж, зарим том хүүхэд хүртэл сохорчээ. Хүнийг сохор болгодог муухай өвчнийг эмнэж чадах эм дом олохын тулд нөгөө хүн эцэж ядрахыг үл хайхран хүнд хэцүү бартаатай, аюултай замд гарч, уул даван доошоо буусан юмсанж. Тэр үед тиймэрхүү гай тохиолдоход хүмүүс өвчин тараагч нянгийн тухай бодолгүй харин ямар нэгэн нүгэл үйлдсэний хариу мөн хэмээн санадаг байжээ. Нөгөө хүн энэ муухай өвчин зовлонгийн учир шалтгаан нь ламгүй байсан хэсэг хүн сайхан нутагт хөл тавимагцаа юуны түрүүн мөргөлийн газар засах ёстой байснаа тэгээгүйд оршино хэмээн дүгнэжээ. Тэгээд тэр нутагт гоё мөртлөө хямдхан, үнэхээр нууц увдистай, мөргөлийн газар засаж, мөргөлийн шон босгох үүрэгтэй хэмээн бодоод, шүтэж, мөргөж байх ариун зүйлс, нууц увдистай тэмдэг, мөргөлтэй болохыг хүсжээ. Түрийвчинд нь нутгийнхны хэсэг мөнгө байсан бөгөөд түүнийг чухам хаанаас авснаа хэнд ч тайлбарласангүй. Тэрбээр нутагт нь, дөнгөж анх удаа худал хэлж байгаа хүн шиг худал хэлсэн нь мэдэгдээд байхад мэтгээд байдаг хачин хүн ганц ч байхгүй гэж үнэн голоосоо ярьж байв. Хүмүүс одоо хэрэг багатай болсон бүх мөнгө, гоёлын эдлэл, бөгж ээмгээ цуглуулж, өвчний нь эдгээж чадах ариун зүйл худалдаж авахаар тохирцгоожээ. Би манант хальс татсан юм шиг нүдтэй, наранд борлосон туранхай биетэй, санаа сэтгэл нь үймсэн, нам доор газрын амьдралд огт дасаагүй, ууланд амьдраад сурчихсан тэр залуу ухаан алдаж, татан унахаасаа өмнө энэ бүх түүхийг, яриаг нь чих тавин анхааралтай сонсож байсан, гялалзсан хурц нүдтэй ламд хэрхэн ярьж байсныг нь төсөөлөв. Санаа сэтгэлийг нь зовоосон өнөөх муу ёрын өвчнийг эмнэж чадах ариун нууц увдистай зүйл олж аваад нутагтаа буцах гэж явтал нь галав юүлсэн мэт аймшигтай аюул болж зам нь хаагдахад юутай их гашуудаж гуньсныг нь төсөөлөхөд амархан. Гэвч түүний золгүй явдлаар дүүрэн түүхийн бусад хэсгийг би сонсож чадаагүй юм. Харин хэдэн жилийн дараа яаж зовж үхсэнийг нь мэднэ. Алс холын нутгаас ирээд ингэж ч дуусах гэж дээ, хөөрхий! Тэртээ олон жилийн өмнө уулын ам дагуу урсдаг байсан горхи нурж унасан хадны агуйн амнаас сад тавин урсдаг болж, эл ядуухан түүх ам дамжин баяжсаар “тэртээ хол нутагт” амьдардаг сохор хүмүүсийн тухай домог болон хувирч, түүнийг өнөөдөр хүртэл сонсож болно.
Гэтэл хүний ертөнцөөс тасарч мартагдсан тал нутгийн цөөхөн оршин суугчдын дунд өнөөх өвчин улам их газар аван тархаж нэг хүнээс нөгөөд халдаж байлаа. Хөгшчүүлийнх нь нүдний хараа эрс муудаад тэмтчин явдаг болж, залуучууд нь юмыг маш бүдэг хардаг болсон бөгөөд энэ нутагт нүүж ирснийх нь дараа мэндэлсэн хүүхдүүд нь бүр юу ч үздэггүй байлаа. Гэвч цасан оргил уулсаар хүрээлүүлсэн бүх ертөнцөөс тасархай тал нутагт, өргөстэй мод бургас ургадаггүй, хортой ялаа, шумуул нисдэггүй, махчин амьтан үгүй байсан тул тэнд амьдрахад хялбархан байлаа. Тэнд галт уул дэлбэрэхээс өмнө хүмүүс уулын амаар доошоо мушгиран урсаж байсан горхины эрэг дагуу дээшээ мацсаар гарч ирэхдээ хөтөлж ирсэн тэмээн гөрөөс нь сайхан үржиж байлаа. Эл нутагт суурьшсан хүмүүсийн хараа аажмаар муудаж байсан тул тэд юм үзэхээ больж байгаагаа анзаарахгүй байжээ. Тэд хараагүй төрсөн хүүхдүүдээ хөтлөн дагуулж явсаар байгаад өөрсдөө шинэ нутгаа арван хуруу шигээ сайн мэддэг болж, хамгийн сүүлчийн хараатай хүн хараагүй болоход огт юу ч болоогүй юм шиг урьдын адил амьдарсаар байлаа. Түүгээр ч зогсохгүй чулуун пийшин барьж, түүндээ галаа манадаг байлаа. Тэд Испанийн соёлын дөнгөж зах зухаас нь хүртсэн, бичиг үсэггүй боловч Перугийн эртний урлаг болон түүний мартагдсан амьдралын ухааны зарим уламжлалыг хадгалж үлдсэн хүмүүс байлаа. Ийнхүү тэд шинэ нутагтаа суурьшиж үе улиран амьдарчээ. Ихийг ч мартаж, ихийг ч шинээр үүсгэжээ. Цаг хугацаа улиран өнгөрөх тусам орхиж ирсэн ертөнц нь тэдний санаанд домог болон үлджээ. Тэд хараагүй л болохоос биш чадалтай, ухаантай хүмүүс байлаа. Удалгүй тэдний дунд учралаар ч гэх үү, учиртай ч гэх үү оюун ухаан саруул бөгөөд цэцэн мэргэн үгтэй, хүмүүсийг ятгаж ухуулахдаа сайн хүн төржээ. Төдөлгүй бас нэг тийм хүн мэндэлж, тэр хоёр амьдарч байгаад нас өндөр болж, ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд тэдний амьдрал, сургаал сохорчуудын санаа сэтгэлд хоногшин үлджээ. Тэд өсөн үржиж, олуулаа болоод, бие биенийгээ улам сайн ойлгодог болсон бөгөөд амьдралын юм уу, эсвэл эдийн засгийн хүнд хэцүү асуудал тулгарвал цугаараа хамтран хэлэлцсэний дараа шийддэг байлаа. Нэг үе нөгөө үеэ залгамжлан халааг нь авсаар олон жил улиран өнгөрчээ. Тэгээд олон жилийн өмнө бурхны өршөөл ивээлийг гуйхаар нутгаасаа хэсэг мөнгөтэй гараад эргэж ирж чадаагүй нөгөө хүнээс хойш арван тав дахь үеийн хүн мэндэлж, яг энэ үед гаднах ертөнцөөс энэ нутагт нэг хүн иржээ. Ингээд энэ хүнтэй учирсан түүхийг ярья.
Тэр бол Квитогоос холгүй газар суудаг уулчин байлаа. Далай тэнгис, ер нь соёлт ертөнцийг үзсэн, сайн ном зохиол уншсан, цовоо сэргэлэн, уулзаж учирсан хүнээ баясгаж чаддаг хүн байсан бөгөөд Эквадорт ууланд авирахаар ирсэн англичууд, гурван швейцар нарын газарчдын нэг нь өвдсөн тул оронд нь түүнийг газарчнаар хөлслөн авчээ. Тэрбээр англичуудтай хамт янз бүрийн ууланд авирч, эцэст нь Андын уулсын ноён оргил болох Параскотопетлд авирч байхдаа ор сураггүй алга болжээ. Энэ явдлын тухай сонин сэтгүүлд олон дахин бичжээ. Харин тэдгээрээс Пойнтерийн бичсэн нь хамгийн сайн өгүүлэл болсон юм. Уулчид эгц шахуу уул өөд авирсаар хамгийн сүүлчийн хүчээ шавхаж байгаад цасан дунд, хадан дээр майхнаа босгож, удалгүй Нунес хэмээх газарч нь алга болсныг мэдэж баахан сандарч хашхирсан боловч хариу өгсөнгүй. Тэд ядарснаа ч мартаж, шөнөжингөө унталгүй хашхирч, шүгэлдсээр өнгөрөөжээ.
Түүний доошоо унасан мөрийг үүр цайхад олж харжээ. Доошоо өнхрөхдөө дуугарч чадаагүй нь тодорхой байв. Уулын нөгөө тал уруу унажээ. Тэр талд чухам юу байдгийг хэн ч үл мэднэ. Унасан мөрийг нь харахад нэлээд доор очоод олон жил хуримтлагдсан цасан хунгарыг дайрч, нурсан цастай хутгалдан гүнзгий мөр үлдээн доошоо өнхөрчээ. Түүний мөр өнөөх аймшигт хясааны цаагуур орсон байлаа. Харин цаашаа чухам юу болсон нь тодорхой бус байв. Тэртээ дээр тал талаасаа өндөр уулаар хүрээлүүлсэн нарийхан хөндийд (энэ бол өнөөх ертөнцөөс тасарсан сохрын орон байв) битүү ургасан мод л бүдэг бадаг харагдана, Гэвч уулчид тэр бол сохорчуудын орон гэдгийг мэдэхгүй байжээ. Харин жирийн л хөндий байна хэмээн боджээ. Тэд цугаараа золгүй явдал тохиолдсонд санаа сэтгэлээр унаж, тэр өдрөө ууланд авирах ёстой байснаа болихоор шийдэж доошоо буужээ. Удалгүй энэ бүхнийг бичсэн уулчин Пойнтер цэрэгт татагдаж, дайнд оролцоод дахин тэр оргил өөд авирч чадсангүй. Өнөөдөр хүртэл Параскопетл оргилд хүний хөл хүрээгүй бөгөөд Пойнтерын цасан дунд орхисон эзгүй майхан салхинд дэрвэсээр салбайн урагджээ.
Харин өнөөх доош унасан хүн эсэн мэнд үлджээ.
Өндөр уулын цаад уруу мянган тохой хэртээ газар нисэж, түрүүчийнхээс ч эгц уулын цасан энгэр дээр унаж цастай юутай холилдон шууд доошоо өнхөрчээ. Цастай хутгалдан толгой нь хаана, хөл нь хаана байгааг ч мэдэхгүй өнхөрсөөр ухаан алдсан байлаа. Харин бие нь өчүүхэн ч гэмтэж, ганц ч яс хугарсангүй. Тэгээд эцэст нь уулын энгэр биш болоход тэрбээр өнхрөхөө больж аминд нь орсон цасандаа хучигдан нэлээн хэвтжээ. Гэвч тэр дорхноо жинхэнэ уулчин хүний сэргэлэн ухаан гаргаж ямар байдалд ороод байгаагаа ойлгожээ. Тэгээд үе үе амарч хучсан цасыг доороос нь малтсаар дээш гарч тэнгэрт одод түгсэн байхыг харжээ. Чухам хаана байгаагаа, юу болсныг эргэцүүлэн бодож доошоо харан амарч хэвтэв. Гар хөлөө үзвэл гэмтэж бэртээгүй байсан бөгөөд гагцхүү хувцасных нь хэдэн товч тасарч, гадуур хувцас нь толгой дээгүүр нь давжээ. Халаасанд нь байсан хутга гээгдэж, хэдийгээр уяаг нь эрүүн доороо чанга уясан байсан боловч малгай нь алга болжээ. Тэрбээр майхнаа босгох гэж чулуу хайж байгаад унаснаа санав. Уулчны сүх нь бас алга болжээ.
Би лав өндөр уулнаас унаж доошоо өнхөрсөн нь гарцаагүй хэмээн бодож, дээшээ харвал дөнгөж гарч байгаа сарны гэрэлд тэр уул улам сүртэй, улам өндөр харагдах тул ямар аймшигтай өндөр дээрээс нисээ вэ хэмээн нэг айж, нэг гайхаж байв. Жаал хэвтэж байхдаа, харанхуй болох тусам улам өндөр, улам сүр бараатай мэт харагдах аварга том хадан цохио уруу харав. Хадан цохионы аймшигтай бөгөөд үл ойлгогдом сүр жавхаанд сүрдэж, нэг хэсэгтээ уйлах, инээхийг хослуулав...
Ийнхүү нэлээд хугацаа өнгөрсний дараа, цаст уулын бэлд хэвтэж байгаагаа ухаарав. Цааш нь бүр доошоо харвал хадан дунд хөрс харагдав. Хамаг бие нь хөндүүрлэж, хоёр хөл дээрээ арайхийн босоод машид болгоомжтой, аажуухан уруудсаар эцэст нь өнөөх хөрсөн дээр хөл тавьснаа аварга том чулууны дэргэд унаад өгөв. Энгэрийн халаасандаа байсан дашмагаа гаргаж нэг сайн балгаж аваад тэр дорхноо нам унтжээ...
Тэртээ доорх модон дотор жиргэж буй шувуудын дуу түүнийг сэрээв.
Хэвтэж байсан газраа өндийж суугаад дээш харвал өнөөх ниссэн эгц хадан хясаа дэргэд нь тэнгэр баганадан сүндэрлэж байлаа. Тэрбээр цастай хутгалдан өнхөрч эл хясаа, намхан уул хоёрын хоорондох жалганд ирж тогтсоноо ухаарав. Нөгөө талд нь өөр хадан хана тэнгэр өөд тэмүүлэм сүндэрлэнэ. Хоёр хананы хоорондох энэ хавцал зүүн баруун тийшээ үргэлжлэх бөгөөд одоо өглөөний нар тэр хавцлыг зүүн талаас нь нэлд нь гэрэлтүүлж байв. Хавцлыг дагуулан баруун тийшээ харвал нөгөө галт уул дэлбэрэхэд хугарч унаад энэ амыг хаасан уулын орой харагдана. Доошоо харвал бас л эгц хана бүхий хавцал байлаа. Гэвч одоо өөрийнх нь байгаа жалганы цасны цаана нэгэн нүх байхыг олж харав. Тэр нүхээр цас хайлан урсаж байв. Өөр аргагүй болсон тул тэр нүхээр орохоор шийдэв. Санасныг бодвол харин ч цаана нь амархан гарч харвал өөр нэг намхан нуруу байлаа. Дараа нь бяцхан хадан дээр гарч харвал эгц шахам уулын энгэр дээр ургасан ойн захад хүрснээ мэдэв. Үүрч явсан юмаа авч газар тавиад бууж ирсэн амныхаа эх өөд харлаа. Тэр амын эхэнд ногоон нуга, бэлчээр бүхий тал нутаг мөн сонин хачин хийцтэй чулуун байшингууд харагдаж байв. Тэрбээр эгц хана өөд мацаж буй мэт маш удаан уруудаж байсан бөгөөд удалгүй нар ч гэсэн эл аманд тусахаа больж, шувуун жиргээн намдаад хүйтэн, бүрэнхий боллоо. Харин тэртээ холын талд байгаа байшингууд нарны гэрэлд улам тод харагдана. Удалгүй арай намдуу нэг уулан дээр бууж ирээд угийн гярхай хүн байсан учир хадан дунд дээшээ сарвайсан гар лугаа адил ургамал ургасныг харав. Тэр ургамлын навчийг зажилж, голыг нь мэрж өл дарав.
Үд дундын үед өнөөх амаараа уруудсаар нарны гэрэлд гарч тэгш талд хөл тавилаа. Туйлын их ядарснаа сая л ухаарав. Хадны сүүдэрт сууж, булгийн ус хутгаж саваа дүүргэж аваад тэр дор нь хэд хэд ховдоглон балгаж дуусгав. Тэгээд ойрхон харагдаж байсан байшингууд уруу зүглэхээсээ өмнө амарч суулаа.
Байшингууд их л сонин харагдаж байсан бөгөөд түүгээр зогсохгүй бүх л тал тэр чигээрээ сонин хачин санагдаж байсан тул өөрийн эрхгүй түүний сэжиг төрөв.
Эл талын ихэнх нь өтгөн ногоон өвстэй нуга бэлчээр байсан бөгөөд ер нь өнгө өнгийн цэцэг ногоо дэлгэрч, ус арчилгаа нь таарч, янз бүрийн тариа будаа нямбай нь аргагүй тарьсан нутаг байлаа. Тал нутгийг хүрээлсэн өндөр уулс хана болон сүндэрлэх бөгөөд эл нутгийн цангааг тайлдаг ус хаданд буй олон хоолойноос гарч доошоо урсаж, уулын энгэр даган тарган тэмээн гөрөөсийн сүрэг амгалан тайван бэлчиж байв. Энд тэнд эгц уулсын бэлд тэмээн гөрөөсийн хашаа хороо харагдана. Усжуулахаар татсан олон горхи нэг нэгэндээ цутгаж нэг сувгаар, тал нутгийн яг голоор нь урсаж, нөгөө талд сүндэрлэн харагдаж байсан хадан хана хүрэх ажээ. Эл суваг ертөнцөөс таслагдсан энэ тал нутгийн цорын ганц хотын шинж ажээ. Мөн маш нямбай, яагаад ч юм бэ зөвхөн нэг талд нь хашлага хийж, цагаан хар чулуугаар тавьсан замуудыг харвал бур ч хоттой адил юм шиг санагдана. Голын тосгоны байшингууд урьд өмнө үзсэн уулын тосгодын эмх замбараагүй барьсан байшингуудаас огт өөр харагдаж, гайхмаар цэвэрхэн голын гудамжны хоёр талаар тэгш эгнээ үүсгэн ярайна. Байшин нь цугаараа нүүрэн талдаа энд тэнд түрхсэн будагтай бөгөөд мөн нүүрэн талдаа хаалгатай ажээ. Харин цонхтой байшин ганц ч харагдахгүй байлаа. Байшин нь цугаараа хагас дутуу будагтай, зарим нь саарал, зарим нь хүрэн, зарим нь тийм хэмээн тодорхой хэлэхийн аргагүй бараан өнгийн том том толботой байлаа. Тийм хачин будсан байшинг анх харсан хүний толгойд юуны түрүүнд “сохор” гэсэн үг орж ирнэ. “Энэ байшингуудыг будсан хүн лав сарьсан багваахай шиг сохор байснаас зайлахгүй!” гэж Нунес боджээ.
Эгц уулын энгэрээр доош уруудаж эл тал нутгийг хоёр хэсэгт хуваасан сувгийн тулж очсон өнөөх хадан хананы дэргэд ирэв. Сувгаар урсан ирэх ус тэр хадыг мөргөж олон салаа хүрхрээ болон доош шуугин буух ажээ. Тосгоноос нэлээн хол нугад эрэгтэй эмэгтэй хүмүүс хадсан өвсний бухал дээр амран сууж байв. Тосгоны ойролцоо хүүхдүүд дээшээ харан хэвтэж байлаа.
Бүр ойрхон хос шар тэргэнд хөллөж, устай модон сав гурвыг ачиж, хадан хананаас тосгоны байшин хүртэл тавьсан нарийхан замаар гурван хүн явж байлаа. Тэр гурван хүн тэмээн гөрөөсний арьсан гутал хувцас өмсөж, арьсан бүс бүсэлж, толгой дээрээ артай, хоёр чихтэйг малгай тавьсан байлаа. Тэр гурав шил шилээ харан удаан алхаж байснаас гадна шөнөжингөө унтаагүй мэт байн байн эвшээнэ. Их л намбатай явцгаах тул хүндэтгэл төрүүлэх бөгөөд Нунес жаахан эргэлзсэнээ хадны цаанаас гараад чанга хашхирвал дуу нь талаар цуурайтлаа.
Гурван хүн гайхсан янзтай зогсож, толгойгоо ийш тийш эргүүлэх нь эргэн тойрноо харж буй бололтой. Тэд нэг ийшээ, нэг тийшээ хараад байхад нь Нунес гараа даллав. Гэвч яаж далласан ч тэд түүнийг олж харсан шинжгүй бөгөөд ич этгээдэд нь алсад сүндэрлэх уулсын зүг харж хариу хашхирав. Нунес дахин дахин хашхирав. Гараараа яаж ч далласан анзаарахгүй байсан тул дахин өнөөх “сохор” юм уу даа гэсэн бодол толгойд нь орж ирэв. “Энэ хэдэн тэнэг амьтан цугаараа сохор юм уу даа” гэж хэлэв.
Баахан хашхирч, уурлаж бачимдсан Нунес нэг жижиг гүүрээр голын цаана гарч, хадан хананд буй хаалгаар орж, өнөөх гурван хүнд дөхөж очоод яах аргагүй сохор болохыг нь харав. Нөгөө үлгэр домогт гардаг сохрын оронд ирснээ даруй ойлгожээ. Гэнэт өнөөх айж эмээх, сэжиглэж болгоомжлох нь замхран арилаад гагцхүү өөртөө хэмжээлшгүй итгэх итгэл л үлдэж, үнэхээр атаархал төрмөөр адал явдалтай учирлаа хэмээн боджээ. Өнөөх гурван хүн зэрэгцэн зогссон хэвээр, түүн уруу харалгүй харин юун хүн болохыг нь танил бус алхаагаар нь тааж мэдэхийг хүсэн чих тавин чагнаж байлаа. Тэр гурав айж эмээсэн байдалтай бөөгнөрөн зогсож байсан бөгөөд хоёр нүд нь ширгэсэн мэт бөгөөд зовхи нь аниатай, наалдсан ажээ. Тэдний царай жигтэйхэн айсан байдалтай байлаа.
- Хүн. Хүн байна, хүн үү, эсвэл онгон уу, хаднаас бууж ирж байна гэж тэдний нэг нь танихад бэрхтэй испани хэлээр хэлэв.
Гэвч Нунес амьд ертөнцөд цоо шинээр орж ирж буй залуу шиг итгэлтэйгээр, урагшаа зоригтой алхаж байлаа. Хүний ертөнцөөс таслагдсан тал нутаг, сохрын орны тухай урьд өмнө сонсож байсан шинэ хуучин бүх домог санагдаж, бодлынх нь хажуугаар дууны дахилт лугаа адил хуучны нэгэн цэцэн үг орж ирлээ.
“Сохрын газар *а*а* хүн хаан болно
Сохрын газар *а*а* хүн хаан болно”.
Тэрбээр нөгөө гуравт дөхөж очоод хот суурин газрын маягаар мэндчилэв. Тэгээд тэдэнтэй яриа өдөж, нүдтэйгээ гайхууллаа.
Тэдний нэг нь нөгөөдөхөөсөө асуусан нь:
- Педро анд минь, энэ хүн хаанаас хүрээд ирэв ээ?
- Хаднаас бууж ирсэн.
- Би энэ уулсын цаана байдаг нутгаас уулан дээгүүр давж энд хүрч ирлээ. Тэр нутагт харах нүдтэй хүмүүс суудаг юм. Би түм түмэн хүнтэй, хараа гүйцэхээргүй зах хязгааргүй Богота хотын ойролцоо суудаг гэж Нунес хэлэв.
- Хараа? Хараа гэнэ ээ? хэмээн Педро бувтнав.
- Хаднаас бууж ирсэн гэж өөр нэг нь хэлэв.
Тэдний өмссөн хувцас нь сонин хачин хийцтэй, тус тусдаа өөр өөр оёдолтой байлаа.
Тэр гурав бараг нэгэн зэрэг гараа сунган ойртоход түүний цочсоныг яана. Тэрбээр өөрийн эрхгүй хэдэн алхам ухрав.
- Нааш ир хэмээн сохор хүн хэлж, дөхөж ирээд гараас нь чанга барив. Тэд Нунесыг барьж аваад ганц ч үг дуугаралгүй тэмтэрч гарлаа.
Нүдийг нь хамаагүй тэмтрэхэд нь “Хөөе, болгоомжтой” хэмээн хашхирав. Тэд анивчсан зовхитой эл хачин санагдсан эрхтнийг нь машид сонирхон дахин дахин тэмтэрч байлаа.
- Хачин амьтан байна даа, Корреа минь. Үсний нь ширүүнийг. Яг л тэмээн гөрөөсний үс шиг гэж Педро хэмээх нэртэй нэг нь хэлэв.
- Тэр бууж ирсэн хадтайгаа л адил ширүүн биетэй юм гэж Корреа, Нунесын хусаагүй сахалтай эрүүг зөөлөн, үл мэдэг нойтон гараараа тэмтчиж үзсэнээ хэлээд:
- Яах вэ засарч, дээр болж магадгүй гэв.
Нунес, тэдний тэмтчихэд дургүйцэж гараас нь мултрах гэж оролдсон боловч чанга барьцгаасан тул чадсангүй.
- Хөөе болгоомжтой гэж дахин хэлэв.
- Ярьж байна хөөе. Хүн нь ч хүн юм аа гэж гурав дахь нь хэлэв.
- Пөөх! гэж Педро хувцасны нь ширүүнийг гайхан дуу алдаад
- Ингэж хүний ертөнцөд ирж байгаа юм биз дээ? гэж асуув.
- Харин хүний ертөнцөөсөө гарч, уул хад мөс цасыг гатлан нар дэлхий хоёрын хоорондох замын голд нь хүрдэг өндөр уулыг давж, далайн эргээс арван хоёр хоног явж очдог аугаа ертөнцөө уулын цаана орхиод энд ирлээ.
Тэд үгийг нь анхаарч буй шинжгүй.
- Бидний өвөг эцэг, хүн бол байгалийн хүчээр бүтдэг, ус чийг, бүлээн юм хоёр нийлж ялзрахад хүн бүтдэг гэж хэлсэн юм хэмээн Корреа ярилаа.
- Үүнийг ахмадууддаа аваачъя гэж Педро хэлсэнд,
- Эхлээд хашхирч дуу өгөхгүй бол хүүхдүүд айна шүү. Ийм сонин хачин юм болох гэж хэмээн Корреа хэлэв.
Тэгээд хашхирцгааж, Педро урд нь орж, Нунесийг хөтлөн өнөөх байшингийн зүг авч явав.
Гэвч Нунес гараа угз татан авч:
- Би өөрөө замаа харж байна? гэлээ.
- Харж байна гэнэ ээ? хэмээн Корреа асуулаа.
- Тийм, харж байна гэж Нунес хэлээд түүн уруу эргэж харахдаа Педрогийн хувинд тээглэн бүдчив.
- Ухаан мэдрэл нь дутуу хөгжсөн юм байна. Юманд тээглэн бүдчиж, утга учиргүй юм ярьж байна. Гараас нь хөтөлж явах хэрэгтэй гэж гурав дахь нь хэлэв.
- Дураараа л болцгоо хэмээн Нунес хэлж, хөтлүүлж явахдаа тас тас хөхөрнө.
Тэд юм үзэж харахын тухай огт юу ч мэддэггүй бололтой.
“Яах вэ, цаг нь болохоор, юм үзэж харах гэж юу байдгийг зааж өгөмз” хэмээн бодов.
Хүмүүс хашхиралдах дуу гарсан зүг харвал, олон хүн тал талаас тосгоны гол зам дээр хуран цугларч байлаа.


Top
   
PostPosted: Sep.14.17 11:01 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 706
энэ номыг дэээээр үед уншиж байсан, одоо бараг мартжээ, их хөөрхөн өгүүллэгүүдтэй ш дээ, Гертберт Уэллс чинь алдартай зөгнөлт зохиолч биз дээ, Цаг хугацааны машины зохиосон билүү, сонирхолтой ном шуурхай оруулж байгаад баярлалаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited