#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 3:06 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.05.17 12:03 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275


ТОМАС ХАРДИ

ХАТСАН ГАР



1. ГАНЦ БИЕ СААЛЬЧИН ЭМЭГТЭЙ

Наяад үхэртэй сүүний фермд тогтмол ажилладаг саальчид, ид ажлын үеэр ажилладаг нэмэлт саальчид гээд л олон хүн бужигнана. Арга ч үгүй биз ээ. Хэдийгээр дөрөвдүгээр сар дөнгөж гараад байгаа боловч өвс ус тэгширсэн бэлчээрт бэлчсэн үнээнүүд сүү ихтэй байв. Үдшийн цаг зургаа болж, аварга том дөрвөлжин биетэй, улаан зүсмийн үнээний ихэнхийг сааж дуусаад байсан болохоор хэд гурван үг солилцох боломж гарчээ.
— Маргааш өнөөх чинь сүй тавьсан бүсгүйгээ авчрах юм гэж дуулдсан. Өнөөдөр Энглбэрид ирчхээд байгаа гэнэ.
Эл дуу Черри хэмээх нэртэй үнээний гэдсэн дотроос гараад байгаа юм шиг санагдах боловч үнэн хэрэг дээрээ хөдлөлгүй зогсож буй номхон амьтны бөөрөнд нүүрээ наасан саальчин эмэгтэй ярьж байгаа нь тэр. Өөр нэг саальчин:
— Тэр бүсгүйг нь үзсэн хүн бий юу? гэж асуув.
Түрүүчийн саальчин эмэгтэй үзсэн хүн байхгүй гэснээ,
— Хүмүүс түүнийг улаан хацартай, мах шөл нь таарсан бондгорхон амьтан гэлцэж байсан гэж хэлээд, арагшаа гэдийж, фермийн хашааны нөгөө хэсэгт бусдаасаа зайдуухан үнээ сааж буй, гуч орчим насны, туранхай, гундаж яваа эмэгтэй уруу харав.
— Лав өөрөөс нь хэдэн насаар дүү гэлцэх юм билээ гэж хоёр дахь саальчин яриаг өлгөн авч хэлснээ бас л нөгөө эмэгтэй уруу бодлогошронгуй харав.
— Тэгвэл нөгөөдөх нь хэдтэй гэж чи бодож байна?.
— Гуч орчим байлгүй.
Ярилцаж буй хоёр эмэгтэйн ойролцоо зогсож байсан, бүрх малгайнхаа саравчийг дарж өмсөөд урт хормогч зүүсэн тул эмэгтэй хүн шиг харагдах саальчин өвгөн яриан дундуур нь орж,
— Яалаа гэж, дөч гарсан биз. Би, манай их даланг барьж дуусахаас өмнө төрсөн. Бараг уснаас гарахыг мэдэлгүй тэр даланг барьж байхдаа би их л бага цалин авч байсан юм гэв.
Ийнхүү саальчдын яриа улам элэгсэг дотно, сааж буй сүүний дуу жигд бус тасалдангуй болоход, өөр үнээний гэдсэн доороос нэг сүрхий дуу хадсан нь:
— Алив, наад амаа татацгаа. Фермийн эзэн Лоож гуайн нас сүүдэр, шинэ эхнэр та нарт ямар хамаатай юм бэ? Лоож гуай тэр хоёр хэдтэй ч байсан үнээ болгоных нь хөлсөнд би түүнд жилд бүтэн есөн фунт төлөх ёстой. Наад ажил чинь дуусаагүй байхад харанхуй болчих нь байна шүү. Нар жаргаж, тэнгэрийн хаяа ягаарлаа. Энэ бол саальчдыг ажиллуулахаар хөлсөлсөн сүүний фермийн дарга ажээ.
Дахин фермчний хуримын тухай өөр хэн ч, юу ч хэлсэнгүй. Ганцхан, анх яриа өдсөн саальчин бүсгүй хажуудах саальчиндаа «Тэрэнд л хэцүү байгаа даа» гэж шивнээд нөгөө бусдаас зайдуухан үнээгээ сааж суугаа хүүхэн уруу харав.
— Яалаа гэж. Тэр чинь Рода Бруктай ярихаа болиод олон жил болж байгаа шүү дээ гэж нөгөөдөх нь хариулав.
Саальчид үнээгээ сааж дуусаад, хувин саваа угааж, олон салаа бүхий шонгоос өлгөв. Тэр шон бол эхлээд хальсалж янзлаад газар зоосон, царс модны олон салаа бүхий бүдүүн мөчир байлаа. Холоос харахад олон салаа бүрээ мэт санагдах ажээ. Ихэнх саальчид гэр гэрийн зүг тарж явав. Өнөөх дуугүй суугаад л байсан туранхай эмэгтэй дээр арван хоёр орчим насны хүү ирж, хоёул харахаар явлаа.
Тэр хоёрын зам бусдынхтай нийлэхгүй, харин ус, өвс ихтэй бэлчээрээс дээш орших зэлүүд газрыг чиглэнэ. Тэр хоёр гэртээ дөхөх тусам алсад Эгдон Хиз намаг харлан харагдах бөгөөд гэр нь намгийн эрэг дээр байх ажээ.
— Саяхан тэд нар, маргааш аав чинь Энглбериэс залуу авгайгаа авчирна гэж ярьж байсан. Би чамайг хэдэн юм авчруулахаар зах явуулна, чи тэнд тэр хоёртой лав тааралдана даа гэж бүсгүй хэлсэнд,
— За, ээж ээ. Тэгэхлээр аав авгай авсан хэрэг үү? гэж хүү хариулав.
— Тийм ээ... Чи авгайтай нь таарвал сайн харж аваад сүүлд нь надад ярьж өгөөрэй.
— За, ээж ээ.
— Хар үстэй юм уу, шар үстэй юм уу, өндөр намаараа надтай чацуу юм уу, ер нь ажил гэж мэддэг хүн байна уу, эсвэл чинээлэг айлын охин учраас баян хангалуун амьдралд дассан цагаан гартан байна уу. Биеэ яаж авч явж байна, хатагтай гэдгээ харуулахыг хичээх ёстой доо, тэгж байна уу, үгүй юу, ер нь сайн харж шинжээд ирээрэй.
— За.
Тэр хоёр дээш мацсаар гэрийнхээ гадаа ирэхэд нэгэнт үдшийн бүрэнхий болжээ. Борооны усанд угаалгасаар байгаад эндээ хотгор, тэндээ гүдгэр болж анх ямар өнгө зүстэй байсан нь мэдэгдэхээ больсон шавар ханатай байшиндаа оров. Адар өөд харвал сүрлэн дээврийн цаанаас яс мод нь түрж гүдийн харагдах нь хүний туранхай нүүрийг санагдуулна.
Эмэгтэй пийшингийнхээ урд өвдөглөн сууж, түлээ хийгээд үлдэгдэл цог уруу үлээсээр байгаад гал асаав. Гал ноцож, түүний нүүр царайг гэрэлтүүлэн, хоёр хар нүднийх .нь гоо үзэсгэлэнг дахин сэргээв. — Нээрэн, хар, шар үстэйг нь, цагаан гартай байна уу, үгүй юу гэдгийг нь хараарай. Хэрэв үгүй бол, гар нь гэрийн ажил их хийдэг юм уу, саальчин хүнийх шиг миний гар шиг байна уу сайн хараарай хэмээн бүсгүй ярьсаар байлаа.
Хүү нь «За» хэмээн амлах боловч энэ удаа анхаарал нь баахан сарнисан байлаа. Ээж нь түүний түшлэгтэй модон сандал дээр тонгоргоор юм сийлж буйг нь харсангүй.


Last edited by Surfer on Sep.05.17 9:21 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Sep.05.17 12:04 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
2. ЗАЛУУ ЭХНЭР

Энглбериэс Холмстоук орох зам бол талын цагаан зам юм. Харин нэг л газар эгц даваа тааралдаж замын нэгэн жигд хэмнэлийг эвдэх ажээ. Хот суурин газрын зах орчхоод гэрийн зүг буцаж яваа фермчид энэ давааны өмнө мориноосоо бууж морио хөтлөн дээш мацдаг байлаа.
Дараачийн үдэш, нар хараахан жаргаагүй байхад тарган гүү хөллөсөн, уран хийцтэй, улаан дугуйтай, шар өнгийн шинэхэн сайхан тэрэг өрнийг зорин довтолгож байв. Сахал самбаагаа жүжигчин лүгээ адил сайтар хуссан, хотод наймаа арилжаагаа санасныхаа дагуу амжуулсан, ажил хэрэг нь бүтэмжтэй, улаа бутарсан, нүүрэндээ цогтой, нүдэндээ галтай, час улаан хацартай, эрүүл чийрэг биетэй дунд гарын фермчин болон түүнээс олон насаар дүү, ер нь жаал охин гэж хэлэхэд буруутахгүй эмэгтэй хоёр тэргэн дээр суужээ. Эмэгтэйн нүүр царайны өнгө эрүүл чийрэг, сарнай цэцгийн дэлбээний цаанаас гийж буй гэрэл лүгээ адил маш нялх эмзэг, зөөлөн булбарайхан байлаа.
Энэ нь гол зам биш байсан тул түүгээр явах хүн цөөн. Өмнө нь тууз мэт мурилзан сунах хайрган зам бараг эл хуль. Тэртээ хол харагдаж байсан үл хөдлөх шахам цэг ойртох тусам томорсоор, удалгүй мөлхөж буй могойноос хурдангүй алхаж байгаа жаал хүү болон хувирав. Жаал хүү байн байн эргэж харах аж. Шуудайтай хүнд юм үүрсэн болоод тэр үү, ямар ч байсан хөөрхий тэр хүү хөлөө зөөж ядан явах ажээ. Хайрган зам дээгүүр дэржигнүүлсээр довтолгож байсан тэрэг, нөгөө даваанд тулж ирээд хурдаа сааруулахад, жаал хүү түүнээс хэдхэн алхмын өмнө явж байлаа. Тэрэг араас нь гүйцэн ирж, жаал хүү тэрэгтэй зэрэгцэн алхахдаа хажуу тийш харж, фермчний эхнэрээс харц салгалгүй цоо ширтэж, айхтар шинжих ажээ.
Жаргаж буй нар эмэгтэйн нүүрэн дээр тусаж, жижигхэн хамрынх нь хянганаас авахуулаад нүднийх нь өнгө гээд л нүүр царайны нь бүх онцлог, нугалаа бүрийг тодотгон гэрэлтүүлнэ. Хэдийгээр фермчин, жаал хүү дэргэдээс нь салахгүй зэрэгцэж явааг хараад баахан дургүйцсэн мэт байдалтай харагдавч, хөөж тууж муухай аашилсангүй. Жаал хүү ч тэднээс ялимгүй түрүүлэн алхаж, эмэгтэйгээс харцаа огт салгахгүй байлаа. Тэгж явсаар мань гурав даваан дээр гарав. Даваан дээр гармагц, фермчний санаа амарсан бололтой, морио гуядан хатируулж, жаал хүү уруу ганц ч удаа тоож харалгүй уруудав.
— Саяын ядуу жаал намайг яасан сүрхий харав аа гэж залуу эхнэр хэлэв.
— Харин тийм ээ, хонгор минь. Нээрэн айхтар ширтлээ шүү.
— Танай тосгоны хүүхэд үү?
— Манай саахалт айлын хүү. Ээжтэйгээ цуг нэг, хоёр өртөөний газар амьдардаг байх аа.
— Лав чи бид хоёрын хэн болохыг мэдэж байгаа даа?
— Тэгэлгүй яах вэ. Хөөрхөн Гертруда минь, чамайг хүн болгон л цоо ширтэнэ гэдгийг мэдэж, бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.
— Үгүй ээ, би... би тэр жаал хүү намайг сонирхсондоо биш, харин бид хоёр хүнд ачаа үүрч явааг нь хараад тусална хэмээн горьдоод тэгж айхтар харсан байх гэж бодсон юм.
Хар хүн нь тоомсоргүйхэн хариулсан нь:
— Тэр ч үгүй ээ. Энэ хөдөөний хүүхдүүд нуруун дээрээ нэг л гаргаад авсан байвал ямар ч хүнд ачааг зорьсон газраа хүргэхдээ л нэг хүргэдэг юм. Тэгээд ч үүрч яваа шуудай нь харахад сүртэй том боловч төдий л хүндгүй бололтой байсан. За, одоо юу юугүй харанхуй болчихгүй бол нэг бээр яваад л байшингийн маань бараа харагдана даа.
Тэрэгний дугуй жирэлзэж, доороос нь хайрга үсчинэ. Удалгүй ардаа хэдэн барилгатай, хашаандаа олон бухал өвстэй, нэлээд том цагаан байшин алсад харагдав.
Энэ үес нөгөө жаал хүү алхаагаа нэмсээр, нөгөө цагаан байшинтай фермчний газраас бүтэн хагас бээр явж, салаа замаар орон уулын энгэрт буй бэлчээр өөд мацсаар гэрийнхээ гадаа очлоо.
Эх нь саалиа дуусгаад нэлээд зайтай сүүний ферм дээрээс дөнгөж ирээд байсан бөгөөд үдшийн бүрэнхийд үүрэндээ байцай угаан зогсож байлаа.
— Энэ торны үзүүрээс барьж байгаач хэмээн ээж нь эхлээд олон долоон үггүй шууд хэлэв.
Хүү шуудантайгаа газар шидэж, байцайны торны нэг үзүүрээс барьж зогсоход эх нь навчнаас нь ус дусалж байгаа байцайгаа торонд хийх зуураа яриагаа үргэлжлүүлэн
— За, тэгээд харж чадав уу? гэлээ.
— Харсан. Сайн харсан шүү.
— Тэгээд хатагтай маягийн юм уу?
— Хатагтайгаар барах уу. Жинхэнэ хатагтай байна.
— Залуу юм уу?
— За, байз. Том хүн байсан. Байдал нь ч гэсэн том хүн шиг л юм билээ.
— Аргагүй шүү дээ. Үсний нь, ер нь нүүр царайны нь өнгө ямар юм бэ?
— Шар үстэй, амьд хүүхэлдэй шиг хөөрхөн царайтай.
— Тэгвэл нүд, нь минийх шиг хар биш байх нь ээ?
— Үгүй ээ. Цэнхэр юм билээ. Уруул нь ув улаан, тун ч хөөрхөн, инээхэд нь цав цагаан шүд харагдсан.
— Нуруу туруугаар өндөр юм уу? хэмээн эх нь огцом дуугаар асуув.
— Мэдэхгүй. Тэргэн дээр сууж явсан болохоор харж чадаагүй.
— Тэгвэл маргааш өглөө чи Холмстоукийн сүмд очоорой. Тэнд лав очно. Эртхэн шиг очиж хүлээж байгаад орж ирэхийг нь хараарай. Тэгээд надаас өндөр эсэхийг нь мэдэж ирээрэй.
— За ээж ээ. Гэхдээ та яагаад өөрөө очиж харахгүй байгаа юм бэ?
— Би юу? Гайгүй байлгүй! Одоо ч гэсэн манай цонхны дэргэдүүр явж өнгөрлөө гэхэд би тоож харахгүй. Мэдээжийн хэрэг, Лоож ноёнтой цуг явж байсан биз дээ. Тэр нь тэгээд юу ярьж, яаж байх юм?
— Яах вэ дээ. Бахь байдгаараа л байсан.
— Чамайг харах ч үгүй байна уу?
— Тийм ээ.
Маргааш нь хүүдээ цэвэрхэн цамц өмсгөж Холмстоукийн сүм уруу явуулав. Хүү явсаар хуучны барилга болох жаахан сүмийн хаалга яг онгойж байхад нь таарч очжээ. Дотогшоо ороод хамгийн түрүүнд ирснээ мэдлээ. Ариун рашаантай савны дэргэд нэг суудал олж суугаад сүмд цувран орж ирж буй хүмүүсийг нүд салгалгүй ширтэж гарав. Дунд гарын баян фермчин Лоож бараг хамгийн сүүлд орж ирлээ. Түүнийг даган авгай нь орж ирээд хана даган урагшлав. Тэрбээр анх удаа ийм олон хүний дунд орж буй төлөв даруу эмэгтэй тул их л ичсэн шинжтэй аж. Тэнд цугларсан олон цугаараа эмэгтэйг ширтэх учраас энэ удаа хүүгийн айхтар харцыг хэн ч анзаарсангүй.
Хүүг сүмээс буцаж ирээд босго алхаж амжаагүй байхад ээж нь — За яасан? гэж асуусаар угтав.
— Өндөр биш эмэгтэй байна. Харин ч намхан гэж хэлж болно хэмээн хүү хариулав.
— Хн! хэмээн эх нь бах ханасан байдалтай дуугарав.
— Гэхдээ үнэхээр царайлаг, их царайлаг юмаа. Бүр гоо үзэсгэлэнт бүсгүй юм.
Идэр чийрэг фермчний эхнэрийн эрүүл царай хэр баргийн юманд догдолж үзээгүй хүүгийн санаа сэтгэлийг донсолгожээ.
— За, за би мэдье гэснээ мэдлээ. Харин одоо түргэхэн ширээгээ бүтээчих. Чи тор тавьж дажгүй туулай барьсан байна шүү. Гэхдээ болгоомжтой л байгаарай. Хүн амьтанд баригдав аа. Чи тэр хүүхэн ямар гартайг надад хэлсэнгүй гэж эх нь түргэн асуув.
— Би гарыг нь хараа ч үгүй. Бээлийгээ ер салгадаггүй юм байна.
— Өнөө өглөө ямар хувцас өмссөн байсан бэ?
— Саравчгүй цагаан бүрх малгай тавьж, мөнгөлөг өнгөтэй элбэгдүү бошинз өмссөн байсан. Бошинз нь вандан сандалд хүрэх бүрдээ нэг их сүртэй исгэрэх дуу гаргаж, өнөөх эмэгтэй тийм дуу гарах бүр учиргүй ичиж, нүүр нь минчийтлээ улайж байсан. Тэгээд бошинзоо сандалд хүргэхгүйг хичээн хормойгоо татан зогсож байгаад санаандгүй сандлаа налахад нь түрүүчийнхээс илүү чанга дуу гарсан. Харин Лоож гуай дуртай байх шиг байсан. Хантааз нь ил гарч, хувийн, том, алтан тамга нь лорд язгууртны тамга адил сүртэй унжиж байсан. Авгай нь яах гэж тэр бошинз өмсөв дөө гэж харамсаж байх шиг харагдсан.
— Гайгүй байлгүй.
Ийнхүү хүү үе үе ээжийнхээ асуухад саяхан гэр бүл болсон хоёртой санамсаргүй учрахдаа шинээр олж харснаа ярьдаг байлаа. Гэвч хэдийгээр хүүгийн эх Рода Брук хэмээх эмэгтэй, ердөө хоёрхон бээрийн газар явж өөрөө Лоож хатагтайг харах боломжтой байсан боловч, фермчний эзэмшил газрын зүг нэг ч алхахгүй гэж шийджээ. Лоож гуайн хоёр дахь эзэмшил газар болох нөгөө уцаартай фермчний хөлсөлж авсан сүүний ферм дээр өдөр бүр үнээ саахаар очихдоо хуримын тухай ганц ч үг дуугардаггүй байжээ. Лоож гуайн үнээг түр хөлсөлж авсан фермчин, эл өндөр биетэй саальчин бүсгүйн намтрыг арван хуруу шигээ сайн мэддэг байсан учир ёстой эр хүний зан гаргаж, Родагийн уур уцаарыг хүргэж болзошгүй дэмий хов жив, явган яриаг ферм дээрээ тас хорьж байлаа. Гэлээ ч гэсэн Лоож хатагтай ирсний дараах хэдэн өдөр, саяны хуримын тухай яриа энд тэнд сонстож байв. Удалгүй хүүгийнхээ яриа, саальчдын хааяа нэг унагах үгнээс Рода Брукийн санаанд ямар ч сэжиг аваагүй Лоож хатагтайн дүр төрх гэрэл зураг шиг тодоос тод буужээ.


Top
   
PostPosted: Sep.05.17 12:06 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
3. ХИЙ ҮЗЭГДЭЛ

Шинээр гэр бүл болсон хоёр тосгонд ирээд хоёр гурван долоо хоног өнгөрсний дараа, нэгэн үдэш, хүүгээ орондоо орсны дараа, Рода галаа сайтар унтраах гэж үлдсэн цогийг тарааж ганцаараа удтал бодлогошрон суув. Улалзах цог уруу гөлөрч, ухаан санааных нь нүдэнд харагдах Лоож гуайн шинэ эхнэрийн тухай эргэцүүлэн бодсоор нэг мэдэхнээ бүр орой болтол суучихсан байлаа. Тэгснээ өдрийн хүнд ажилд ядарсан бие нь дийлэлгүй, нойр нь хүрч унтаад өгчээ.
Гэвч энэ өдрүүдэд түүний оюун санааг тэр аяар нь эзэмдэж байсан эмэгтэйн дүр шөнө ч гэсэн ухаан санаанаас нь арилсангүй. Гертруда Лоож чадуулсан эмэгтэйн зүүдэнд анх удаа үзэгджээ. Хэдийгээр Рода Брук хожим, би үнэхээр унтахаасаа өмнө өөрийн нүдээр харсан юм гэж нотлон хэлж байсан боловч тийм юманд итгэхэд хэцүү учраас тэр бүхнийг зүүдэлсэн хэмээн үзэж, зүүдийг нь ярьвал, цайвар торгон хувцас, цав цагаан малгай өмссөн, нас нь яваад өгсөн хүн шиг гүн гүн үрчлээ сууж, нүд далдирмаар муухай болсон царайтай, өнөөх залуухан Лоож хатагтай цээжин дээр нь мордоод дээрээс нь улам хүчтэй дарж байлаа. Догшин харцтай хоёр цэнхэр нүд нь муухай эргэлдэж, цоо ширтэх аж. Тэгснээ гэнэт зүүн гараа доогтой нь аргагүй сунгаж, хуримын бөлзөгнийхөө туяагаар Родагийн нүдийг гялбуулав. Цээжээ даруулан багтарч үхэх шахан, ухаан санаа нь элий балай болдгийн даваан дээр манай хүн байдаг чадлаараа тийчлэн тэмцлээ. Аймшигт үзэгдэл аргагүйн эрхэнд арагшаа ухарсаар орны хөлд хүрсэн боловч аажим аажмаар буцаж цээжин дээр нь мордож, түрүүчийн адил зүүн гараа урагш нь сунгаж нүдийг нь гялбуулахыг хичээх ажээ.
Амьсгаа нь давхацсан Рода, хамаг хүчээ шавхан баруун гараа суллаж аваад, дээрээс нь мордсон аймшигт үзэгдлийн зүүн гараас нь базаж, шалан дээр түлхэн унагаж өөрөө муухай хашхиран өндийжээ.
Нэг мэдэхнээ хамаг биеийнх нь хүйтэн хөлс цутгачихсан, өөрөө орныхоо ирмэг дээр суугаад...
— Ёох, өршөөлт бурхан минь! Энэ лав зүүд биш, тэр эмэгтэй над дээр ирээд явснаас зайлахгүй! хэмээн хашхирч байв.
Сэрсэн хойноо ч гэсэн дайсныхаа гарыг одоо хүртэл барьж байгаа мэт сайтар мэдэрч байлаа. Муухай үзэгдлийг шалан дээр унагаснаа сайн санаж байсан тул шал руу харвал юу ч харагдсангүй.
Тэр шөнөдөө Родагийн нойр бүрмөсөн хулжжээ. Маргааш нь үүрээр саалийн фермд очиход нь хүмүүс түүний цонхийж цайсан нүүр царайг харж ядарч сульдсаныг нь дор дороо гайхав. Гар нь салганасан хэвээр, нөгөө үзэгдлийн гарыг барьсаар байгаа мэт санагдах бөгөөд сүүгээ савныхаа гадуур гоожуулчхалгүй арай ядан сааж байлаа. Өглөөний цайгаа уухаар гэртээ эргэж ирэхдээ, бүхэл өдрийн турш борви бохисхийлгүй ажиллаж оройн хоолоо идэхээр ирсэн хүн шиг ядарчээ.
— Ээж ээ, шөнө таны өрөөнд юун чимээ шуугиан гараад байсан бэ? Та орноосоо уначихсан уу? гэж хүү нь асуув.
— Чи шалан дээр юм унах чимээ сонссон уу? Хэдэн цаг болж байсан бэ?
- Яг хоёр цагийн хонх цохиж байсан.
Эх нь чухам юу болсныг тайлбарласангүй, харин хоолоо идэж дуусаад ширээнийхээ араас дуугүй босож, гэр зуурын ажлаа хийв. Хүү нь ээждээ туслах аж. Хүү ферм дээр очих тун дургүй байдаг учир ээж нь ч дургүйд хүчгүй гэгчээр хэмээн тийшээ хүчилж хөөдөггүй байв. Арван нэг, арван хоёр цагийн хооронд гэж байхад гадаа хашааны хаалга дуугарахыг сонсож эмэгтэй цонхоороо харав. Хашааны хаалганы дэргэд, цэцэрлэгийн нэг үзүүрт өнөөх зүүдэнд нь үзэгдсэн эмэгтэй өөрийн биеэр зогсож байхыг харж мэл гайхаж цэл хөхрөн нэг хэсэгтээ хэл ам нь татчихав.
Тэр эмэгтэйн ирснийг хараад хүү нь
— Нээрэн тийм. Манайд ирнэ гэсэн юм! хэмээн дуу алджээ.
— Чамд хэзээ тэгж хэлсэн юм бэ? Ер нь бид хоёрыг яаж мэддэг юм бэ?
— Өчигдөр дайралдаад би түүнтэй ярьсан юм аа.
Эх нь их л дургүйцсэн бололтой нүүр нь хувьс хийн улайж,
— Тэр байшингийн хэнтэй ч, хэзээ ч битгий ярь, холуур тойрч явж бай гэж би чамд хэлдэггүй билүү? гэв.
— Би эхэлж яриагүй, өөрөө л эхэлж надтай ярьсан шүү дээ. Би гэрийнх нь гадуур ч яваагүй. Зүгээр зам дээр тааралдсан юм
— Тэгээд чи юу гэж хэлсэн юм бэ?
— Юу ч хэлээгүй. Өөрөө л, чи өнөөх хүнд юм үүрээд захаас буцаж явсан ядуу хүүхэд мөн үү гэж асуусан. Тэгээд миний гутлыг харж, наадах чинь бүр ханзарчхаж, хөл чинь үргэлж нордог юм байна даа гэсэн. Тэгэхлээр нь би, би ээжтэйгээ хамт суудаг, бид хоёр болоод л байдаг юм, нэг их юмаар дутдаггүй гэж хэлсэн. Ердөө тэгсэн л юм. Гэтэл «Би танайд очиж чамд шинэ гутал аваачиж өгнө, ээжтэй чинь ч уулзана» гэж хэлсэн шүү дээ. Өөр хүмүүст ч гэсэн баахан юм өгдөг гэсэн.
Тэр хоёр хоорондоо тийн ярилцаж байтал Лоож хатагтай хаалган дээр нь иржээ. Родагийн зүүдэнд торгон хувцастай байсан бол одоо өглөө өмсдөг бүрх малгай тавьж, жирийн нимгэн даавуугаар хийсэн, өөрт нь илүү зохисон элбэг хувцас өмсөж, гартаа сүрлэн сагс барьжээ.
Нөгөө шөнийн зүүд, саяхан болсон юм шиг маш тод санагдана. Рода, муухан үрчлээс суусан, догшин хэрцгий байдал шингэсэн, дээрэлхүү зан тодорсон нүүр царайтай эмэгтэй орж ирнэ хэмээн бодож байв. Хэрэв түүнээс зугтаж болдогсон бол эргэж харалгүй зугтахад ч бэлэн байлаа. Гэвч байшинд нь арын хаалга гэж байсангүй, тэгээд ч хүү нь, Лоож хатагтайн зөөлөн тогшиход ухасхийн хаалга тайлж өгөв.
Лоож хатагтай хүүг, харж инээмсэглэн,
— Ашгүй төөрч будлисангүй, зорьсон айлаа зөв олжээ. Гэхдээ чамайг хаалгаа онгойлгохоос өмнө айл эндүүрсэн биш байгаа гэж айж байлаа гэв.
Зочны биеийн галбир, хөдөлж явах нь нөгөө зүүдэнд орж ирсэн үзэгдлийнхтэй яг адилхан байсан боловч дуу хоолойны нь өнгө аяс туйлын уян зөөлөн, нүдний нь харц ямар ч хүний зүрх сэтгэлийг номхотгом, инээмсэглэх нь хүртэл хязгааргүй найрсаг бөгөөд шөнө дунд Родагийн зүүдэнд морилон ирсэн зочноос огт өөр байсан учраас Рода яах учраа олохгүй баахан мэгдэн сандарлаа. Юунд зочинтойгоо уулзаж учраагүй мөртлөө хэдийн түүнийг үзэн ядаж, нуугдаж зугтах гэв дээ хэмээн бодож, одоо тэгээгүйдээ баярлаж байлаа. Лоож хатагтай барьж ирсэн саваа уудалж, хүүд амласан хос гутал, өөр янз бүрийн хэрэгтэй юмнууд гаргалаа.
Өөрт нь, хүүд нь ингэж сайн хандаж байгааг хараад Рода өөрийгөө хатуу зэмлэв. Ийм залуухан, ариухан амьтныг яахин харааж болох бэ, харин хамгийн сайн сайхан ерөөл дэвшүүлэх хэрэгтэй гэж боджээ. Удалгүй эмэгтэйг яваад өгөхөд түүнтэй хамт гэрэл гэ» гээ арилсан мэт гэр нь харанхуй оргив. Хоёр хоногийн дараа эмэгтэй, авчирч өгсөн гутал нь таарсан эсэхийг мэдэх гэж тэднийхээр шагайгаад гарчээ. Тэгээд хоёр долоо хоног өнгөрөөгүй байхад Родагийнд дахиад ирлээ. Энэ удаа хүү нь эзгүй байлаа.
Лоож хатагтай хэлсэн нь:
— Би баахан явган явлаа. Танай байшин бидний очдог сүмийн дэргэд шахам юм байна. Таны бие сайн биз дээ. Таны нүүр царай нэг л тааруухан харагдаад байна даа.
Рода бие нь гайгүй сайн гэж хариулав. Нээрэн ч, хэдийгээр тэр хоёрын хамгийн цонхигор нь Рода байсан боловч өөдөөс нь хараад зогсож буй эрүүл булцгар царайтай залуу эмэгтэйг бодвол түүний тэгшхэн хөл гар, том биед ихээхэн хүч нуугдаж байгаа нь илт.
Удалгүй хоёр бүсгүй, хэзээ язааны танил юм шиг жаргал зовлонгоо ярилцаж нэлээд суув. Лоож хатагтай явахаар завдахад Рода:
— Манай эндхийн агаарт та удахгүй дасна биз ээ. Үргэлж ус чийгтэй байдаг нугын чийг зохимж муутай нь үнэн, гэвч таныг зовоохгүй байх аа гэлээ.
Залуу бүсгүй:
— Тэгэх биз дээ. Ер нь миний бие дажгүй сайн шүү. Гэвч та надад миний өвчнийг сануулчихлаа. Би бүр учрыг нь олохгүй юм, уг нь нэг их сүрхий юм биш мөртлөө ерөөсөө эдгэж өгөхгүй юм гэж хэлэв.
Тэгээд зүүн гарынхаа бээлийг тайлж, ханцуйгаа шуухад нь харвал яг Родагийн зүүдэнд барьж авсан гар зүсээрээ мөн байлаа. Нэг хүн маш чанга базсанаас үлдсэн болов уу гэж бодмоор харахад эрүүл бус өнгөтэй бүдэгхэн мөр ягаан туяатай гар дээр нь байлаа. Рода ч толбоноос харцаа салгаж чадахгүй ширтэнэ. Тэр битгий хэл тэдгээр нь өөрийнх нь дөрвөн хурууны мөр мэт санагдах аж.
Тэгээд өөрийн эрхгүй асуусан нь:
— Яагаад ийм толбо гарсан юм бэ?
Лоож хатагтай толгойгоо сэгсэрч:
— Би сайн хэлж чадахгүй юм. Нэг шөнө, нэг хачин газар оччихоод байна хэмээн зүүдэлж байтал гэнэт зүүн гарын энд часхийтэл муухай янгинаад явчихсан. Би ч аргагүйн эрхэнд нойрноосоо сэрсэн юм, Өдөр хаана ч юм явж байгаад нэг юманд цохиж гэмтээснээс зайлахгүй. Гэхдээ би өөрөө санахгүй байгаа юм гэж ярьснаа инээмсэглэв. — Би нөхөртөө үзүүлж, чи уурлаж миний гарыг цохисон мэт харагдаж байгаа биз гэж хэлсэн. За, за тэр ч яахав, удахгүй зүгээр болно биз ээ! гэлээ.
— Ха ха ха, тэгэлгүй дээ... Хэзээ зүүдэлсэн хэрэг вэ?
Лоож хатагтай жаал бодлогоширсноо,
— Хоёр долоо хоногийн өмнө, шөнө дунд байх аа. Би гэр дороо сэрж чухам хаана байгаагаа ч ойлгохгүй байтал, цагийн хонх хоёр цохиж, би бүрмөсөн сэрсэн гэж хэлэв.
Эмэгтэй, яг Рода дээр нөгөө үзэгдлийн морилсон шөнө, цагийг хэлжээ. Брук авгай, өөрөө буруу юм хийсэн юм шиг санагдаж гэмшил төрөв. Хэрэг явдал гэнэт задарсанд түүний гайхаж мэгдсэн нь учиргүй их. Эл эмэгтэйн ярьсан, тэр үзэгдлийн ирсэн хоёр яах аргагүй таарах нь туйлын хачин, ойлгоход ч хэцүү тул учрыг нь олж, хужрыг нь тунгаах гэсэнгүй. Харин, өнөөх аймшигт шөнийн үзэгдэл эргэж тодоос тод санагдав.
Зочин нь явсны дараа: — Би өөрөө хүсэхгүй боловч, бусад хүмүүсийг харааж ерөөх, тэдэнд зовлон авчрах далдын муухай хүчтэй юм болов уу? гэж өөртөө хэлэв. Хайртай хүндээ хаягдсаных нь дараа, хүмүүс шулам гэж нэрлэдэг болсныг мэддэг л байлаа. Гэхдээ чухам яагаад тийм хоч өгснийг нь ойлгодоггүй байжээ. Тийм ч учраас тэгж далдуур хочлоход нь нэг их тоолгүй явсаар өнөө хүрчээ. Тэр шөнийн хачин явдлыг ингэж тайлбарлаж болох болов уу? Ер нь урьд өмнө иймэрхүү явдал тохиолдсон түүх бий юу?


Top
   
PostPosted: Sep.05.17 12:09 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
4. ТААМАГЛАЛ

Урин цаг ханхалж, удахгүй зун болох гэж байлаа. Хэдийгээр Рода Брук залуухан Лоож хатагтайг зөвхөн хүндэтгэдэг байснаа бүр бишрэн шүтдэг болсон боловч түүнтэй уулзахаасаа үхтлээ айдаг байлаа. Родагийн дотроос нэг юм чи өөрөө гэмт хэрэг хийсэн хэмээн үргэлж буруушаан амар заяа үзүүлэхгүй байлаа. Ажилдаа очихоор бус харин ямар нэгэн өөр хэргээр гадагшаа гарах болгонд цаанаас нь нэг юм залаад байгаа юм шиг заавал Холмстоук сүмийн дэргэдүүр явдаг байлаа. Тийм ч учраас нэг удаа тэр хоёр гадаа тааралдчихжээ. Рода гайхшийг нь барсан, ухаан санааг нь эзэмдсэн нөгөө сэдвийг дуугүй орхих чадалгүй байсан болохоор хэдхэн үг сольж амжив уу, үгүй юу өөрийн эрхгүй түгдчин
— Хатагтай, таны гар эдгэсэн биз? гэж асууснаа Гертруда Лоож гараа туйлын болгоомжтой, огт хөдөлгөлгүй байлгахыг хараад цочиж, толгойтой үс нь арзайв.
— Үгүй шүү, нэг их сайжраагүй. Ерөөсөө сайжраагүй ч гэж хэлж болно. Харин ч бүр муудаж байна. Заримдаа бүр зүрх уруу зүүгээр хатгаж байгаа мэт муухай өвдөх юм.
— Та эмчид очиж үзүүлбэл дээр байх аа, хатагтай.
Цаадах нь, эмчид очиж үзүүлдгээ үзүүлсэн. Нөхөр нь шахаж шаардаад байхаар очиж үзүүллээ. Харин мэс заслын эмч үзэж үзэж, учрыг нь олж оношилж чадаагүй. Ердөө л халуун усанд дүрээрэй гэж хэлсэн. Хэлснээр нь хэд дахин халуун усанд дүрсэн боловч ямар ч нэмэр болоогүй гэв.
Саальчин эмэгтэй,
— Таны гарыг үзэж болох уу? гэж асуув.
Лоож хатагтай зүүн гарынхаа ханцуйг шамлан, бугуйгаа үзүүлэв. Рода Брук гарыг нь хармагц, золтой л уулга алдан бархирсангүй. Шарх гэхэд хэцүү боловч гар нь тэр хавьдаа жигтэйхэн их хатаж яс арьс болжээ. Урьд өмнө харахад байсан дөрвөн хурууны мөр улам, тодорчээ. Тэр ч байтугай, яг нөгөө хачин зүүдэндээ эмэгтэйн гарыг базсан газар дөрвөн хурууных нь мөр гарчээ. Тэгэхдээ бүр яг базсанаар нь буюу долоовор хурууны нь мөр сарвуунд нь ойр, чигчий хурууны нь мөр тохойнд нь ойр гарсан байлаа.
Түрүүнд уулзсанаас хойш, Гертруда өөрөө гар дээр нь гарсан толбонууд хүний хурууны мөрийг нүгэлтэй санагдуулж байгааг ажиглажээ. Тэрбээр,
— Нээрэн энэ толбо яг хүний гарын хурууны мөр байгаа биз. Манай нөхөр, ямар нэгэн шулам, эсвэл бүр чөтгөр өөрөө чиний гараас барьж махыг чинь тастжээ гэж хэлээд байгаа юм гэснээ муухан инээмсэглэв.
Родагийн бие арзасхийв. Тэгээд шалавхан хэлсэн нь:
— Тэр ч юу юм бэ. Дэмий юм санах гэж. Би таны оронд байсан бол тийм үгийг анхаарах ч үгүй.
Залуухан эмэгтэй шийдвэргүйхэн хэлсэн нь:
— Би ч яах вэ, нэг их анхаарахгүй юмсан гэж бодох л юм. Гэтэл нөхөр маань миний энэ өвчнийг дэндүү их анхаарч, намайг хайрлах нь хүртэл багасаад байх юм. Ер нь эрчүүл хүний гадаад царай зүсийг чухалчлах юм байна шүү дээ.
— Нээрэн зарим нь тэгдэг байх шүү. Танай хүн лав тэгдэг хүний нэг.
— Тийм ээ, эхлээд надад ямар хайртай байсан гэж санана.
— Гараа харуулахгүй л явах хэрэгтэй байх даа.
— Хн, тэртэй тэргүй миний гар бузартсаныг мэдчихсэн юм чинь!
Эмэгтэй нүдэнд нь нулимс гүйлгэнэхэд нуухыг оролдов.
— За, за. Гэхдээ би, хатагтай таны гар удахгүй эдгэнэ гэдэгт найдаж байна.
Саальчин эмэгтэй гэр уруугаа гэлдэрч явахдаа, өөрийгөө аймшигт нууц увдистай юм болов уу хэмээн улам сонирхон улам гайхаж байлаа. Нэгэн бузар юм хийчихлээ хэмээн дотроо маш ихээр гэмшиж, тэгснээ өөрийгөө юун ч их сүжигтэй юм бэ дээ хэмээн доогломоор санагдана. Чухам яагаад, ямар аргаар гэдэг нь хамаагүй, ер нь өөрийг нь давсан залуухан бүсгүйн гоо үзэсгэлэн бага зэрэг буурахад цаанаа нэг их дургүйцэхгүй байлаа. Харин түүний бие ингэж шаналж буйг хараад өрөвдөж байжээ. Учир нь хэдийгээр хөөрхөн залуухан бүсгүй тосгонд нь хүрч ирснээр Лоож, Родатай хуучин харьцаа холбоогоо сэргээж магадгүй гэсэн горьдлого тасарсан боловч одоо Лоожийн сэтгэлийг өөрөөс нь санаандгүй булаан эзэлсэн хөөрхий эмэгтэйг занаж байсан хорсол занал нь нэгэнт замхран арилжээ.
Хэрэв уян зөөлөн ааш зантай, тусархаг Гертруда Лоож өнөөх унтлагын өрөөнд болсон хачин явдал-зүүдийн тухай мэдвэл юу гэж бодох бол? Хөөрхий тэр амьтан өөрт нь тийм элэгсэг дотно, үнэнч хандах учир зүүднийхээ тухай ярихгүй байх нь тун муухай хэрэг мэт, бүр урваснаас ялгаагүй мэт санагдах ажээ. Гэвч өөрөө сайн дураараа хэлчихнэ гэхэд нэг л болж өгөхгүй, бас ямар нэгэн хэрэгтэй эм дом зааж өгөх юмсан гэхэд мэдэхгүй байлаа.
Рода тэр шөнийн турш орон дээрээ хөрвөөж, энэ хачин хэргийн тухай толгойгоо эргэтэл бодсоор унтаж ч чадсангүй. Маргааш нь өглөөний саалиа дуусаад, болж өгвөл Гертруда Лоожийг дахин нэг харчих юмсан гэж бодсоор гарч явлаа. Одоо тэр эмэгтэй уруу ямар нэгэн аймшигт нууц увдисын хүчээр татагдаад байдаг болжээ. Саальчин эмэгтэй Лоож гуайн байшинг холоос харж зогсов. Фермчний эхнэр морь унасан байлаа. Нэлээн хол буй тариалангийн талбайд байгаа нөхөр дээрээ очих гэж байгаа бололтой. Лоож хатагтай саальчин эмэгтэйг олж хараад түүнийг чиглэн шогшуулсаар ирэв.
Гертруда бүр дэргэд нь ирээд:
— Сайн байна уу, Рода? Би танайхаар дайраад гаръя гэж бодож байна гэлээ.
Рода, Лоож хатагтай мориныхоо жолоог арай ядан барьж явахыг ажиглаадахжээ.
Рода:
— Нөгөө гар чинь гайгүй биз? гэж асуув.
Цаадах нь сэтгэл нь түгшсэн байртай,
— Энэ өвчний учир шалтгааныг мэдэж эмчлэх ганцхан арга бий гэж хүмүүс ярилцах юм. Эгдон Хитэд байдаг нэг мэргэн хүн дээр очих хэрэгтэй гэнэ. Харин тэр хүн одоо амьд сэрүүн эсэхийг мэддэг хүн алга. Би нэрийг нь одоо санахгүй байна. Гэвч хүмүүс түүний тухай чамаас илүү мэдэх хүн байхгүй, түүнтэй уулзаж зөвлөгөө авч болох эсэхийг чи л ганцаараа мэднэ гэх юм. Ээ чааваас даа, нэр нь хэн билээ дээ байз. Гэхдээ чи мэднэ шүү дээ гэлээ.
Родагийн эцэнхий царай цонхийж,
— Арай Трэндл шидтэн биш биз? гэж асуув.
— Тийм тийм. Трэндл гэсэн. Одоо амьд уу?
— Амьд байх аа гэж Рода тун дургүй хэлэв.
— Та яагаад түүнийг шидтэн гэв?
— Үгүй ээ, зүгээр... хүмүүс л тэгдэг юм шүү дээ... бусдад байдаггүй далдын их хүч түүнд байдаг гэж ярьцгаадаг юм.
— Тийм хүнтэй уулз гэж зөвлөж байсныг бодоход манайхан бас их сүжигтэй улс юмаа даа! Би эмч маягийн хүнийг хэлсэн байх гэж бодсон юм. За, за тэгвэл тийм Дэмий юм бодохоо ч болъё.
Рода санаа нь амарсан бололтой тайвширч, Лоож хатагтай ч морио гуядаад яваад өглөө. Тэр хүнийг мэдэх хүн бол Рода хэмээн өөрийг нь заасныг сонсмогцоо, эм илбэчин, эр шидтэнийхээ тухай бүх юмыг нь мэдэж байх ёстой гэж ажилчид доогтойхон бодож явдаг ажээ гэдгийг дотроо ухаарч ойлгов. Тэгэхлээр, тэд нар лав өөрийг нь сэжиглэдэг нь тодорхой болов. Саяхан хүртэл угийн эрүүл саруул ухаантай хүн байсан учраас ингэж сэжиглэснийг тоохгүй байсан буй заа. Гэтэл одоо болохоор сэжиглэх сүрхий шалтгаантай болжээ. Тэгээд тэр Трэндл шидтэн Гертрудад учирсан бүх зовлонгийн учир шалтгаан нь Рода хэмээн зааж өгвөл яана гэхээс толгойтой үс нь арзайв. Тэгвэл, сайн найз нь түүнийг үүрд үзэн ядаж, хүний бие олсон шулам хэмээн бодно доо.
Гэвч бүх юм хараахан яадгаа алдчихаагүй байлаа. Хоёр хоногийн дараа, Рода Брукийн гэрийн шалан дээр цонхоор туссан үдшийн нарны гэрэлд нэг хүний сүүдэр тусав. Төдөлгүй нэг эмэгтэй хаалга сэвхийтэл онгойлгон орж ирэв.
— Ганцаараа байна уу? гэж Гертруда асуулаа. Түүний байж байгааг нь харвал өөрөө Брукээс ч илүү айн сандарсан шинжтэй.
— Тийм гэж Рода хариулав.
Фермчний залуухан эхнэр цааш нь үргэлжлүүлсэн нь:
— Миний нөгөө гарны шарх улам бишдэж, би бүр амар тайван байж чадахаа болилоо. Үнэхээр учир нь олдохгүй хачин юм! Эмчилж болдог л шарх байгаасай гэж залбирч байна. Би нөгөө Трэндл шидтэний тухай хүмүүсийн ярьсныг өөрийн эрхгүй дахин санав. Үнэнийг хэлэхэд, би тийм юманд итгэдэггүй л дээ, гэхдээ зүгээр түүнтэй уулзана гэхэд дургүйцэх ч юм алга. Зүгээр л сонирхож. Гэхдээ манай нөхөр хэрхэвч мэдэх ёсгүй. Тэр хүн эндээс хол суудаг уу? гэлээ.
Рода цочсон байдалтай хариулсан нь:
— Тийм шүү. Таван бээр хэртээ хол. Яг Эгдоны гол дунд даа.
— За, мэдлээ. Би тийшээ явган явахаас өөр аргагүй. Та надад газарчилж цуг явахгүй юу? Маргааш орой бол ямар вэ?
Саальчин эмэгтэй яах ч учраа олохоо байж бүр уй гашууд унасан адил түгдчин дэмий л — Үгүй ээ, би... гэж шивнэжээ. Зүүдэндээ айхтар хэрцгий аашилж, зэрлэг үйл үйлдсэн нь мэдэгдчих болов уу, тэгвэл амьдралдаа олсон хамгийн сайн найз нь өөрийг нь бүрмөсөн жигшин зэвүүцэх болов уу гэсэн айдас бүх бие сэтгэлийг нь эзэмджээ.
Лоож хатагтай ятгасаар Родагаас хамт явна гэсэн амыг нь авав. Гэхдээ тун дурамжхан, нэг л муу юм зөгнөж ам өгчээ. Хэдийгээр энэ нь туйлын гунигтай аялал байх мэт санагдах боловч эзэгтэйг нь дайрсан өвчнийг анагаах эм олдох өчүүхэн ч гэсэн бололцоо гарсаар байтал татгалзаж саад болохыг хүссэнгүй. Ямар хачин нууц юм санасан бол гэж тэр хоёрыг хүмүүс сэжиглэж магадгүй хэмээн бодож болгоомжлохоор шийдээд бараа нь харагдаж буй тариалангийн талбайтай залгаа намгархаг газрын аман дээр уулзахаар тохирцгоов.


Top
   
PostPosted: Sep.05.17 12:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Гоё юм байна. Үргэлжлүүлээрэй :wd:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.05.17 3:15 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
5. ТРЭНДЛ ШИДТЭН

Маргааш үдэш болтол Рода өөрт нь тулгарсан шалгалт сорилтоос мултрахын тулд юу ч хийхээс буцахгүй байлаа. Гэвч нэгэнт хамт явна гэж амласан болохоор хэлсэндээ хүрэхээс өөр аргагүй байв. Түүгээр ч зогсохгүй, ер нь яваад үзвэл, урьд өмнө өөрийнхөө тухай огт мэддэггүй байсан зүйлс нээгдэж, өөрийнхөө далдын хүчийг мэдэж магадгүй, тэгвэл ашигтай бус уу, явсан нь дээр байх хэмээн нэг юм дотроос нь хатгаад байлаа.
Тохирсон цагаасаа өмнөхөн гэрээсээ гарч, хагас цаг хэртэй шуурхайлан алхсаар Эгдон орох замын зүүн өмнөд салаанд хүрэв. Тэд зам мод тарьсан талбайн захаар явах ажээ. Цув нөмөрсөн, нүүрнийхээ урдуур юм унжуулсан хүн тэнд хэдийн ирчихсэн зогсож байлаа. Рода, Лоож хатагтайг таньж, гараа хүзүүнээсээ уяж тогтоосон байхыг нь харж сэрдхийн цочив.
Тэр хоёр хоорондоо бараг үг солилцсонгүй, шууд л өгсүүр замаар дээшээ мацаж гарав. Тэр хоёрын ийнхүү очихоор зорьсон сүрлэг бөгөөд дүнсгэр хөдөө нутаг, хагас цагийн өмнө ардаа орхисон үржил шимт газрыг бодвол нэлээд өндөр газар орших ажээ. Нэлээд удаан явж байж зорьсон газраа хүрэх ёстой байлаа. Хэдийгээр одоо дөнгөж их үд хэвийж байгаа боловч өтгөн хар үүлс нүүж эргэн тойрныг улам дүнсгэр, улам харанхуй болгоно. Салхи, намагт газрын дов толгодыг ороон тайлагдашгүй уй гашууд автсан мэт улих аж. Энэ намагт газар, хожим олон жилийн дараа Лир хэмээн өргөмжлөгдсөн Уэссексийн ван, Инагийн амь тавин тарчилж байсныг үзсэн ч байж болох юм. Гертруда Лоож байн байн юм ярих гэж оролдох боловч, Рода их бодолд автаад хариуд нь ердөө ганц хоёр үг дуугарна. Яагаад ч юм бэ цуг яваа эмэгтэйнхээ өвчтэй гар талд нь санаандгүй гарах бүрдээ сэжиглэн сандарч, шалавхан нөгөө талд нь гүйж гарахыг бодно. Тэр хоёр ингэж шавар дундуур баахан зүтгэсээр уруудаж, тэрэгний зам дээр гарч харвал нөгөө зорьсон хүнийх нь байшин харагдав.
Мань эр, эм дом барьдгаа олон хүмүүст зарлаж тунхагладаггүй, энэ ажлаа цаашид үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдгийн талаар нэг их бодож санаа зовдоггүй байлаа. Түүний гол сонирхол нутгийн янз бүрийн мод ургамал, түлээ түлш зэргийг бэлдэж борлуулахад оршиж байлаа. Тэгээд ч хашир эр өөрийгөө агуу их далдын хүчтэн гэж боддоггүй байсан бөгөөд хэрэв түүнд үзүүлсний дараа хүний үү нь гайхамшигтай арилбал (үнэнийг хэлэхэд үзүүлсэн үү болгон арилдаг байжээ) ердөө л «Наадах чинь өөрөө санаандгүй арилчхаж. Би зүгээр аяга архи уух гэж л чамаас хэдэн зоос авсан юм» гэж хэнэг ч үгүй хэлэх аж. Тэгээд шал ондоо юм яриад эхэлнэ.
Хоёр бүсгүйг очиход өвгөн ашгүй гэртээ байж байлаа. Үнэнийг хэлэхэд, тэр хоёрыг уулнаас бууж явахад нь харсан ажээ. Тэрбээр улаан нүүртэй, буурал сахалтай хүн байсан бөгөөд харцаа Родагаас үл салгана. Лоож хатагтай түүнд өөрийнхөө өвчний тухай ярьжээ. Дараа нь тэр хүн өөрийгөө дооглон бассаар гарыг нь нарийн үзлээ.
— Наадахыг чинь эдгээдэг эм дом байхгүй, муу санасан дайсны чинь хараал байна гэж түс тас хэлэв.
Рода сэрдхийн цочиж, арагшаа ухрав.
Лоож хатагтай:
— Дайсан гэнэ ээ? Юун дайсан билээ? гэж асуулаа.
Өвгөн толгойгоо сэгсрээд
— Чи өөрөө л сайн мэдэх ёстой доо. Хүсэж байвал дайсныг чинь зааж өгч болно. Гэхдээ чухам хэм бэ гэдгийг хэлж чадахгүй. Миний чадах юм ердөө л энэ. Тэгээд ч ийм юм хийхдээ нэг их дуртай биш байна шүү гэв.
Хатагтай зааж өгөөч хэмээн салахгүй гуйлаа. Тэгээд үнэхээр салахгүй бололтой байхаар нь, Родад гадаа хүлээж бай хэмээн хэлж, Лоож хатагтайг дагуулсаар дотогшоо орлоо. Байшин нь үүдний өрөөгүй ердөө л ганц том өрөөтэй байсан учраас, Рода Брук дутуу хаасан хаалганы завсраар, дотор болсон бүх юмыг харж чаджээ. Тэр хүн аяга шанаганы шүүгээнээсээ шилэн аяга авч, ус дүүргээд, дараа нь өндөг авчирч, нэг нууц аргаар ариусгав. Тэгснээ өнөөх аяганыхаа ирмэгт тогшин хагалж, цагааны нь устайгаа хольж, шарыг нь хальсанд нь үлдээв. Ус нь булингартахад, шилэн аягаа цонхонд ойртуулж Гертрудад булингартай ус уруу сайн харахыг тушаав. Тэр хоёр булингартай устай аяга тавьсан ширээний дээрээс тонгойлоо. Саальчин эмэгтэй, өндөгний цагаан нь усанд живэх тусмаа өнгөө хувиргаж байгааг харж байсан бодовч хол байсан учир чухам ямар хэлбэртэй болсныг нь харж чадсангүй.
Далдын нууц хүчтэй өвгөн, залуухан эмэгтэйгээс,
— Ямар нэгэн хүний нүүр царай эсвэл бие галбиртай адилхан болж байна уу, наадах чинь? хэмээн сүртэйеэ асуулаа.
Эмэгтэй шивнэн хариулсан тул Рода дуулсангүй. Эмэгтэй аяганаас нүд салгалгүй ширтсэн хэвээр. Рода эргэж хэдэн алхам холдлоо.
Лоож хатагтай гарч ирэхэд түүний нүүр царай, уул толгодын гунигт бараан сүүдэр бүхий дэвсгэр дээр Родагийн нүүртэй адил цонхигор цагаан харагдаж байв. Трэндл түүний араас хаалгаа хаав. Хоёр эмэгтэй тэр дороо ирсэн замаараа буцав. Гэвч Рода хамт яваа замын хань нь их хувирч өөрчлөгдсөнийг мэдэрлээ.
Тэгээд сорьж асуусан нь:
— Шан хөлс гэж их юм авч байна уу?
Гертруда хариуд нь,
— Үгүй ээ. Юу ч авсангүй. Ганц зоос ч авахгүй байна гэв.
— Чамд тэгээд юу үзэгдэв? гэж Рода шалгаасанд Гертруда,
— Юу ч үзэгдсэнгүй ээ. Сонин болгож ярих юм алга гэжээ.
Эмэгтэй илтэд биеэ барьсан шинжтэй. Түүний нүүр царай огт хөдөлгөөнгүй болж, баяр баясгалан нь арилж, Родагийн унтлагын өрөөнд орж ирсэн шулмын нүүртэй төстэй болжээ.
Тэр хоёр баахан дуугүй явсны дараа Лоож хатагтай гэнэт, — Ийшээ ирэх тухай. анх чи санал гаргасан уу? Хэрэв тэгсэн бол хачин юм даа гэлээ.
— Үгүй ээ. Гэхдээ аль ч талаас нь харсан, бид хоёр энд хэрэггүй ирлээ гэж хэлж болохгүй ээ.
Анх удаа саальчин эмэгтэйн бүх бие сэтгэлийг их ялалтын баяр баясгалан эзэмджээ. Одоо тэр хоёрын амьдралыг ямар нэгэн хөндлөнгийн далдын хүч мөргөлдүүлснийг залуу бүсгүй ойлголоо гэхэд нэг их сандран гэмшихгүй гэдгээ ухаарав. Тэр хоёр урт, бартаатай замдаа энэ тухай дахин ярьсангүй. Гэвч өвлийн турш тэр хөндийн сүүний олон ферм дээр хүмүүс Рода Брукийн «хараалаас» болж Лоож хатагтайн зүүн гар аажмаар хатаж, ажлаас гарч байгаа юм хэмээн бие биедээ шивнэцгээжээ. Харин Рода зүүдэндээ үзсэн шулмын тухай мэддэг зүйлээ хүнд хэлэлгүй тас нуусан аж. Гэвч царай алдаж, турж сульджээ. Тэгээд хавар болоход хүүтэйгээ хамт Холмстоукаас гарч ор сураггүй алга болжээ.


Top
   
PostPosted: Sep.05.17 3:16 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
6. ХОЁР ДАХЬ ОРОЛДЛОГО

Түүнээс хойш зургаан жил өнгөрлөө. Лоожийнхны гэр бүлийн амьдрал уйтгар гунигийн урсгалд автаж, өдөр ирэх тусам улам доройтон муудаж байлаа. Фермчин өөрөө голцуу уруу царайлж, үг дуу цөөнтэй явна. Уран гоолиг бие, үзэсгэлэнт царайг нь шохоорхон сүй тавьж авчирсан эхнэрийнх нь зүүн гар хүний нүд далдирмаар аймшигтай муухай эрэмдэг болжээ. Түүгээр ч ул барам, энэ хугацаанд эхнэр нь хүүхэд гаргасангүй. Тэрбээр хоёр зуу гаруй жилийн турш тэр хөндийд суурьшсаар ирсэн гэр бүл ингээд өөрөөр нь дуусна гэсэн үг хэмээн ойлгожээ. Үе үе Рода Брук болон түүний хүүг санаж, энэ лав бурхан тэнгэр өөрийг нь шийтгэсэн хэрэг гэж бодоход дотор нь харанхуйлдаг байжээ.
Уг нь уужим сайхан сэтгэлтэй, сурч мэдсэн зүйл ихтэй байсан Гертруда, одоо уур уцаар ихтэй, түргэн хувирамтгай зантай, хүнд итгэхээ больсон авгай болж өөрт нь тааралдсан хэрэгтэй хэрэггүй эм дом хөөцөлдөж, гагцхүү яаж нөгөө өвчнөөсөө салахыг л үргэлж бодно. Тэрбээр хар хүндээ үнэхээр ижилсэж дассан нь эргэлзээгүй бөгөөд эргэж нүүр царай, бие галбирынхаа гоо үзэсгэлэнг сэргээж, эр нөхрийнхөө зүрх сэтгэлийг эгүүлэн өөртөө татна хэмээн найдахын ихээр найдаж байлаа. Улмаар жижиг өрөөндөө есөн жорын эм домтой шил, боодол, янз бүрийн тостой сав цуглуулжээ. Түүгээр ч зогсохгүй, янз бүрийн далдын хүч бүхий ургамал, хүнийг татдаг далдын хүч агуулсан хэмээх юмс, мөн сургуульд сурч байхдаа үнэхээр тэнэг юм хэмээн дооглодог байсан далдын хүч, ид шидийн тухай ном цуглуулсан байлаа.
Үе үе нөхөр нь тэр олон новшийг нь харахаараа,
- Чи элдвийн эм дом, муу ёрын хог новш цуглуулж байгаад лав нэг өдөр хордоно доо гэж хэлдэг байжээ.
Эмэгтэй хариуд нь юу ч дуугардаггүй байсан бөгөөд харин жигтэйхэн гуньж гомдсон зөөлөн харцаар өөдөөс нь хардаг байв. Тэгэхэд нөхөр нь автайгаа өрөвдөж хэлсэн үгэндээ гэмшин,
— Гертруда минь, чи ойлгож байгаа. Би чиний л тусын тулд ингэж хэлж байна шүү дээ гэж нэмж хэлдэг байв.
Эмэгтэй сөөнгөтсөн дуугаар хариулах нь:
— Би бүгдийг нь гаргаж хаяна аа. Тэгээд дахин хэзээ ч, ямар ч эм дом хэрэглэж байхгүй.
Нөхөр нь, бодлогошронгуй хэлэх нь:
— Чи баахан уйдаад байх шиг санагдаад байна, чиний сэтгэлийг хөгжөөж байх нэг хүүхэд өргөж авъя гэж бодсон юм. Гэтэл одоо тэр жаал маань бүр том болчхож, тэгээд ч сууж байсан газраасаа яваад өгчээ. Хаашаа алга болсныг нь мэдэхгүй.
Эмэгтэй ямар хүүхдийн тухай яриад байгааг нь таамаглаж байлаа. Учир нь хэдийгээр энэ талаар нөхөртэйгөө ганц ч үг сольж байгаагүй боловч энэ хэдэн жилийн турш Рода Брукийн түүхийг нэг биш удаа сонсжээ. Трэндл шидтэнийд очсоноо ч нөхрөөсөө тас нууж, тэр ганцаараа амьдардаг өвгөн юу гэж хэлснийг ч хав даржээ.
Одоо Гертруда дөнгөж хорин тав хүрчээ. Гэвч хорин тав хол гарсан мэт харагдана. Заримдаа өөрөө өөртөө шивнэн хэлэх нь: «Хүнтэй ханилаад бүтэн зургаан жилийн нүүр үзэж байгаа боловч хэдхэн сар л хайрлагдахын жаргалыг амслаа». Тэгснээ зовж байгаагийнхаа учрыг санаж, хатаж байгаа гараа гунигтайгаар харж, «Эргээд анх намайг олж харахад нь байсан шигээ болдог ч болоосой!» гэнэ.
Тэгээд нөхрийнхөө үгэнд орж, өнөөх олон эм дом, далдын хүч бүхий элдвийн зүйлээ устгажээ. Гэлээ ч гэсэн өвчнийг нь эдгээж чадах ямар нэгэн эм олох юмсан гэсэн хүсэл санаа сэтгэлийг нь эзэмдэн зовоосон хэвээр ажээ. Тэрбээр Рода дургүй байсан ч гэсэн бараг хүчээр газарчлуулан очсон Трэндл өвгөнийд дахин очоогүй билээ. Гэтэл гэнэт тэр өвгөн одоо амьд байгаа бол, өөрт нь туссан хүний хараалыг зайлуулж өгч юун магад хэмээн бодож гомдлын мөрд сүүлчийн удаа туршаад үзэхээр шийдэв. Тэр удаа очиход нь түүний шилэн аяган дотор найруулж үзүүлсэн тодорхой бус хэлбэртэй зуурмаг нь ертөнц дээрх ганцхан эмэгтэйн дүрийг санагдуулсан бөгөөд хэдийгээр тэр үед биш ч гэсэн хожим нь тэр эмэгтэй өөрт нь муу санаж, хонзогнох учиртай байсныг мэдсэн ажээ. Тэгэхлээр өвгөн бас ор тас худлаа хэлээгүй нь тодорхой, түүнд бага ч гэсэн итгэхээс өөр аргагүй байлаа. Тийм учраас ямар ч байсан түүнтэй очиж уулзахаар санаа шулуудав.
Энэ удаа өвгөнийх уруу ганцаараа явлаа. Замдаа баахан төөрч, замаа ололгүй нэлээн будилжээ. Тэгж явсаар арайхийж Трэндлийнд очвол хаалгыг нь мөргөөд, ирэхийг нь хүлээж зогссонгүй, харин алсад ажиллаж буй өвгөний бөгтөр биеийг таньж тийшээ зүглэжээ. Трэндл өвгөн эмэгтэйг таньж, хэсэг хэсгээр нь түүгээд овоолж байсан наанги зангууны үндсээ газар тавьж, өдөр богино, шөнө урт болсон тул эмэгтэйд гэртээ буцах урт замд нь хань болж жаахан дөхүүлж өгье хэмээжээ. Ингээд тэр хоёр зэрэгцэн алхлаа. Трэндл бол бараг эрүү өвдөг нь нийлсэн өвгөн байсан бөгөөд түүний үсний нь өнгө газрын өнгөнөөс ялгарахгүй байлаа.
— Та янз бүрийн үү, хавдар арилгаж чаддаг хүн байж яагаад миний энийг арилгаж чадахгүй байх вэ дээ? гэж эмэгтэй бээлийтэй гараа зааж хэлэв.
— Чи намайг ихээхэн далдын хүчтэй хүн гэж хэтрүүлж бодож байна даа! Гэтэл одоо би өндөр настай хүн. Хүч чадал маань ч буурч харилаа. Үгүй ээ, үгүй. Наадахыг чинь арилгах гэж оролдоод нэмэргүй, миний хүч хүрэхгүй. Чи ер нь наадахаа арилгах гэж яаж яаж оролдов? хэмээн Трэндл асуув.
Эмэгтэй өдий төдий удаа хэрэглэж байсан зуу зуун эм дом, хүний хараал хариулдаг гэцгээдэг нунтаг шингэнээсээ хэдийг нь нэрлэхэд өвгөн толгойгоо сэгсрэв.
Тэгээд сайшаасан байдалтай хэлсэн нь:
— Зарим нь ч яах вэ, сайн эм байна. Гэхдээ ихэнх нь чиний наад өвчнийг анагааж чадахгүй ямар ч нэмэргүй юм байна. Наадах чинь үрэвсдэг шарх биш, харин хатаадаг өвчин байгаа юм. Тийм болохоор эдгэрэхдээ хүрвэл дорхноо, нэг мөсөн л эдгэрнэ.
— Тэгж эдгээх юмсан!
— Наадахыг чинь эдгээх ганцхан аргыг би мэднэ. Энэ арга иймэрхүү маягийн өвчинг заавал эдгээдэг гэж би хэний ч өмнө хэлж чадна. Гэвч түүнийг хэрэглэхэд хэцүү. Ялангуяа эмэгтэй хүнд.
— Тэгээд ямар арга болохыг хэлээд өгөөч! гэж эмэгтэй гуйв.
— Чи наад гараа дөнгөж дүүжлүүлсэн хүний хүзүүнд хүргэх хэрэгтэй.
Өвгөний үгийг сонсмогцоо эмэгтэй хиртхийн цочлоо.
Нөгөө илбэчин өвгөн хэнэг ч үгүй үргэлжлүүлэх нь:
— Хүүр нь хөрөхөөс өмнө шүү. Дүүжлүүрээс дөнгөж буулгасны нь дараа амжиж хүргэх хэрэгтэй.
— Энэ арга миний гарыг яаж эдгээх вэ?
— Цус чинь солигдож, бүх бие чинь өөрчлөгдөнө гэсэн үг. Гэхдээ ингэхэд маш хэцүү шүү гэж дахин хэлье. Цаазлуулах ял авсан хоригдол байгаа шоронд очиж тэндээ цаазын тавцан дээрээс хүүрийг нь буулгаж иртэл хүлээ. Чамаас өмнө ийм аргаар өвчнөө анагаасан хүн олон бий. Харин чам шиг ийм хөөрхөн хүүхэн явж байгаагүй ээ. Би арьсны өвчтэй олон хүнд ийм зөвлөгөө өгсөн дөө. Гэвч тэр цагаас хойш олон жил өнгөрч дээ. Хамгийн сүүлчийн удаа одоогоос арван хоёр жилийн өмнө, ...арван гурван онд болсон юм даа.
Өвгөн үүнээс өөр юу ч хэлсэнгүй. Тэгээд эмэгтэйг гол замд хүргэж өгөөд буцахын түүс болж, шалавхан эргээд явчхав. Эмэгтэйн өгөх гэсэн мөнгийг урьдын адил авсангүй.


Top
   
PostPosted: Sep.05.17 9:09 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
уншиж эхэлсэн шүү :wd:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.06.17 1:32 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1140
марк

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Sep.06.17 10:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Өө амархан зөвлөгөө өгөх юмаа. Оршуулгын газар шөнө дунд очоод энэ тэр гэж сүртэй юм бичсэн бол :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.10.17 11:58 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
7. АЯЛАЛ

Өвгөний яриа Гертрудагийн сэтгэлд гүн хоногшжээ. Эмэгтэй угийн зориг муутай хүн байтал дээр нь ийм муухай аргаар өвчнөө анагаа гэж хэлж байдаг. Ер нь энэнээс илүү түүний жигшил зэвүүцлийг төрүүлэх эм дом энэ ертөнцөд байхгүй гэдэг нь эргэлзээгүй юм. Тэгээд ч эл аргаар эмнэнэ гэдэг юутай хэцүү вэ гэдэг нь тодорхой.
Мужийн нийслэл Кастербриж хэмээх хот эндээс арван тав орчим бээрийн зайтай. Хэдийгээр тэр үед хүнийг ердөө морь хулгайллаа, эсвэл айл ухлаа гэхэд л үг дуугүй цаазалж байсан бөгөөд ер нь хэрэгтэнд цаазлах ял ноогдуулдаггүй шүүхийн хуралдаан болох нь өдрийн од шиг ховор байсан боловч ямар нэгэн хүний туслалцаагүйгээр цаазлуулсан хүний хүүрт гар хүрнэ гэдэг бол санасны гарз байлаа. Трэндлийн хэлснийг эр нөхөртөө хэлбэл дүрэлзээд явчихна хэмээн айсан учир ганц ч үг хэлж сэжиг авхуулахгүй юм шүү хэмээн бодож тас нуужээ.
Эмэгтэй хэдэн сарын турш юу ч хийсэнгүй, эрэмдэг гартаа эмзэглэсэн хэвээр явжээ. Тэрбээр дөнгөж хорин таван настай байсан бөгөөд тэгээд ч эмэгтэй хүн байсан учир, гоо үзэсгэлэнгээ эгүүлэн олсноор эр нөхрийнхөө хайр дурлалыг эгүүлэн олж авахыг тэсгэлгүй хүсэж, ямар ч л байсан өөрт нь хор болохоо өнгөрсөн энэ аргыг туршаад үз хэмээн нэг юм дотроос нь хатгаад амраахгүй байлаа. Хэрэв өөрөөс нь асуусан бол «Муу аргаар ирсэн юмыг муу аргаар л тонилгох хэрэгтэй» гэх байсан буй заа. Үхсэн хүний хүүрэнд гараа хүргэнэ гэхээс бүх бие нь арзасхийж байсан боловч илбэчин өвгөний хэлсэн «Тэгвэл чиний цус солигдоно» гэсэн үг зэвүүн санагдахаас гадна, бас ч гэж шинжлэх ухааны ор үндэстэй юм шиг бодогдож, үзээд алдах уу гэсэн хүслэн, шуналын гал улам хүчтэй асаж, улам зоригжуулах аж ээ.
Тэр үед энэ мужид цорын ганц сонин гардаг байжээ; Нөхөр нь эл сонинг хүнээс гуйн авч алдаг оног уншдаг байв. Гэвч хуучин цагт мэдээ мөн л хуучин маягаар тардаг байжээ. Амнаас ам дамжин, нэг зах зээлийн газраас нөгөөд, нэг яармагаас яармагт гэсээр яваад аливаа мэдээ, тэр тусмаа хүн цаазлах тухай мэдээ эргэн тойрон хориос доошгүй бээр газарт дорхноо тархаж, цөөхөн хүн л дуулалгүй өнгөрдөг байжээ. Холмстоукийн тухайд гэвэл, зөвхөн ялтанг яаж цаазлахыг харахын тулд нутгийн зарим сониуч хүн Кастербриж явган орж мөн өдөртөө багтан буцаж ирдэг байлаа. Дараагийн шүүхийн хуралдаан гуравдугаар сард болно гэж ярьцгааж байв. Гертруда Лоож шүүхийн хуралдаан болохыг дуулаад бололцоо гармагц хэн ямар ял авав гэдгийг мэдэхийн тулд нутгийн дэн буудалд очиж баахан асууж сураглажээ.
Гэвч энэ удаа хоцорчээ. Цаазаар авхуулахаар заагдсан хүмүүсийг юу юугүй цааш нь харуулах гэж байсан тул энэ богино хугацаанд амжиж, цаазлах газар хүрч очоод хүүрэнд хүрэх зөвшөөрөл олно гэдэг санахын ч аргагүй хэцүү ажил байжээ. Харин нөхөр нь тусалбал бүтэж магадгүй талтай байсан боловч энэ тухай бодохоосоо ч айж байлаа. Нөхөр нь тэр хавийн арайхийн амь зогоож байгаа бяцхан тосгодын сүжиг бишрэлийн тухай яривал дүрсхийгээд явчихдагийг ажигласан байлаа. Тосгодынхон өөрийн нь тухай элдэв хов жив ярьж өөрсдийгөө нэг ёсны зугаацуулдгийг нь мэддэг байсан болоод тэр биз ээ. Тийм учраас дараачийн бололцоог хүлээх хэрэгтэй болжээ.
Олон жилийн өмнө яг Холмстоук тосгоны татаж унадаг өвчтэй хоёр хүүхэд, хэдийгээр хөрш зэргэлдээ сүмийн лам нар муу ёр хэмээн хорьсон боловч цаазалсан хүний хүүрт хүрч эдгэрсэн гэж дуулж санаснаа хэрэгжүүлнэ гэж улам зориглож санаа шулуудав. Ингэсээр байтал дөрөв, тав. зургадугаар сар өнгөрлөө. Зургадугаар сарын эцсээр Гертруда ямар нэгэн хүн цаазлуулаасай хэмээн тэсэж ядан хүсэн хүлээж байсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Хэдийгээр урьдын адил орой болгон бүх амьтны сайн сайхны төлөө мөргөл үйлддэг байсан боловч одоо сэтгэлийнхээ гүнд өөрийн эрхгүй «Бурхан минь, гэмтэй, гэмгүй нь хамаагүй нэг хүнийг шалавхан цаазлаадхаач!» гэж мөргөдөг болжээ.
Энэ удаа эмэгтэй, эртнээс өөрт нь хэрэгтэй сураг чимээг чих тавин чагнаж, амьтан хүнээс сураглан ер нь бүх юмаа урьдаас бодон төлөвлөжээ. Түүврээс гадна, ургац хураахын өмнөх зуны урин дулаан цаг байсан болохоор нөхөр нь цэгийн сайхныг ашиглаж зав гармагц хэд хоног гэрээсээ хол явдаг байлаа.
Энэ удаагийн шүүхийн хуралдаан цугаараа долдугаар сард болох ёстой байжээ. Эмэгтэй нөгөө очдог дэн буудалд очлоо. Энэ удаа ердөө ганцхан хүн гал тавьсан хэргээр цаазлуулахаар яллагдсан гэдгийг мэджээ.
Одоо эмэгтэй, яаж Кастербрижд очдог билээ гэхээсээ илүү яаж шоронд нэвтрэх зөвшөөрөл олдог билээ гэж санаа зовж байв. Хэдийгээр урьд өмнө иймэрхүү зөвшөөрөл хайсан хүнд тэр нь зовлонгүй олддог байсан боловч яваандаа тийм зөвшөөрөл хайсан хүн ч үзэгдэхээ больсон тул эл уламжлал тасарч мартагджээ. Эмэгтэй, өөртэй нь учрах саад тотгорын тухай эргэцүүлэн бодож, дахин нөхрөөсөө тусламж гуйх шахжээ. Нөхөртөө шүүхийн, хурлын тухай цухуйлгаад үзвэл цаадах нь ярих тун дургүй, урьд урьдаасаа илүү хүйтэн царай гаргасан тул одоо юу ч хийсэн нэгэнт санаа шулуудсан болохоор ганцаараа л үзээд алдахаар шийдэж цааш нь нэг их юм ярьсангүй.
Энэ хүртэл хатуу ширүүн байсан хувь заяа нь гэнэт сайнаар эргэв. Ялтныг цаазлахаар тогтсон Бямба гаригийн өмнөх Пүрэв гаригт Лоож, би ажлаар яармаг орох боллоо, хоёр хоногоос нааш ирэхгүй, харамсалтай нь чамайг авч явж чадахгүй нь гэж эхнэртээ хэлэв.
Нөхрийнхөө ийнхүү хэлэхэд нь, эмэгтэй гэртээ ганцаараа үлдэх болсноо туйлын уриалагхан хүлээн авч зөвшөөрсөн тул Лоож өөрийн эрхгүй авгайгаа гайхан харав. Урьд өмнө ингэж хэд хоногоор өөрийг нь орхиж явахыг дуулмагцаа баахан гутарч гуньдаг байсан ажээ.
Гэвч удалгүй нөхөр нь хэзээ язааны зангаараа дуугаа хурааж, товлосон өдрөө Холмстоукаас яваад өгөв.
Одоо эмэгтэйн холын замд гарах ээлж иржээ. Эхлээд морио тэргэнд хөллөөд явдаг хэрэг хэмээн боджээ. Гэвч цааш нь бодвол, тэргээр явбал заавал татвар төлдөг замаар явах болно, тэгвэл хүмүүс өөрийнх нь муухай өвчтэйг мэдэх тул аюул арав дахин өснө гэж болгоомжлох хэрэгтэй боллоо. Тэгээд морь унаж хөл хөдөлгөөн ихтэй замаас зайдуухан явахаас өөр аргагүй болов. Харин эр нөхрийнх нь морины хашаанд гаднаас нь хараад эмэгтэй хун унаж болно гэж хэлж болох номхон морь үнэхээр байхгүй байв. Уг нь тэр хоёрын гэрлэсэн өдрөөс эхлэн нөхөр нь, чамайг дуртай үедээ унаж болох нэг сайхан гүүтэй болгоно гэж амласаар өдий хүрчээ. Харин олон сайхан тэрэгний морьтон байлаа. Тэр морьдоос хамгийн номхон нь Амазон нэртэй, хээр тал шиг өргөн нуруутай нэг морь байжээ. Урьд нь Гертруда хааяа бие нь муудахад салхинд гарахдаа эл морийг унадаг байжээ. Тэгээд тэр мориороо явахаар шийджээ.
Баасан гаригийн орой зарцуудынх нь нэг нь морийг нь авчирч эмээллэж бэлдлээ. Эмэгтэй хэдийний хувцсаа өмсчихсөн явахад бэлэн болчихсон байсан бөгөөд доошоо буухаасаа өмнө нөгөө үрчийж хатсан гараа харав. Тэгээд хэлсэн нь:
— Ёох. ёох! Хэрэв чи ийм болоогүй бол, би юу боллоо гэж энэ тамыг амсах гэх вэ дээ.
Зарим хувцсаа хийсэн баадангийнхаа амыг боож байхдаа зарцдаа,
— Уулзъя гэж бодсон хүнтэйгээ уулзаад өнөө оройдоо багтан ирж чадахгүй бол хэрэг болно гэж энэ хувцсаа авч байгаа юм. Арав гэхэд ирэхгүй байвал бүү сандраарай. Хаалгаа сайн хааж цоожлоорой. Ямар ч байсан би маргааш заавал ирнэ гэж хэлжээ.
Дараа нь болсон бүх юмаа нөхөртөө нэгд нэгэнгүй ярьж өгнө, санасан хэрэг нь бүтвэл дэмий юм хийлээ гэж хэлэхгүй байх, нөхөр нь лав өршөөнө гэдэгт эргэлзэхгүй байлаа.
Ингээд хөөрхөн Гертруда Лоож, нөхрийнхөө эзэмшил газрыг орхиж, зорьсон хэргээ бүтээхээр явахад бүх бие нь дагжин чичирч байв. Хэдийгээр түүний очъё гэсэн газар нь Кастербриж байсан боловч Стиклфордоор дайрч өнгөрдөг шулуун замаар явсангүй. Эхлээд, ухаан зарж, яг эсрэг зүг нь явжээ. Гэвч байшингийнх нь бараа тасармагц эхлээд Эгдон орж, дараа нь намаг эхлэхэд тойрч, эцэст нь баруун зүгийг зорин зөв замдаа оржээ. Үүнээс илүү мөрөө төөрүүлэх арга байхгүй буй заа. Зөв чиг барихын тухайд бол зовохын хэрэггүй байлаа. Учир нь морио нарнаас жаахан баруун зүгт залан явбал, эрт орон хэзээ нэгэн цагт зорьсон газраа хүрэх учиртай байжээ. Үе үе замдаа ургацаа хурааж буй ямар нэгэн тариачинтай тааралдана гэцгээ мэдэж байсан тул түүнээс замаа асууж зөв явж буй эсэхээ мэдэж болно гэж боджээ.
Хэдийгээр энэ явдал болоод төдий удаагүй боловч Эгдон одооныхыгоо бодвол олон хэсэг эрээн мярааж бус нэг цул суурин газар байжээ. Тэр үед онгон төрхөөрөө байсан намаг уруу цөмрөн орж, дов толгодыг хагалан тэдгээрийг олон өнгийн тариа будааны талбай болгох ажил .дөнгөж эхлээд нэг их газар авч чаддаггүй байсан юм. Хашааны хуулийг нарийн чанд мөрддөггүй байсан бөгөөд нийтээрээ хамтран эзэмшдэг бэлчээрт малаа хариулж байсан тосгоны оршин суугчид түлш бэлтгэж аврах эрхтэй, тэгснээрээ өвлийн турш түлштэй байдаг байсан хүмүүсийн хөсөг тэргийг түрэн зайлуулж, бэлчээр ч үгүй, түлш ч үгүй болгосон урт урт хашааг барьж босгоогүй байжээ. Учир иймд Гертрудагийн замд бут сөөг, заримдаа намаг, цагаан хөөс цахруулан яаран урсах гол горхи, намхан даваа гүвээнээс өөр саад тотгор тааралдсангүй.
Морь нь хэдийгээр яарсан хүнд удаан мэт санагдах боловч хамгийн чухал нь найдвартай, явдал нь хөнгөн унаа байлаа. Тийм ч учраас хэдийгээр бараг тал нь хатсан гартай байсан боловч ийм урт амаргүй аянд зориглон гарчээ. Ийнхүү явсаар найман цагийн үед Кастербриж орох замд тааралдах намаг дунд шовойх толгой дээр гарч мориныхоо амыг татан зогсож морио амраав. Эл толгой Эгдоноос гарч тариан талбай дунд орохоос өмнө тааралдах ажээ.
Эмэгтэй хоёр талаасаа бургасан хашаагаар хүрээлүүлсэн Раши цөөрөм нэртэй цөөрмийн дэргэд жаахан зогсов. Цөөрмийн яг голоор нь түүнийг хоёр хэсэгт хувааж, бут бургас шил шилээ харан ургажээ. Тэдгээрийн дээгүүр нов ногоон хөдөө тал, тэртээ алсад харагдах ногоон моддын үзүүр дээгүүр Кастербриж хотын байшин барилгын дээвэр, дээврийн дээгүүр нэгэн цагаан байшингийн хавтгай нүүрэн тал харагдаж байв. Тэр бол мужийн шорон ажээ. Эл байшингийн дээвэр дээр хар цэгүүд цааш нааш хөдлөхийг харвал ажилчид нэг юм барьж босгож байгаа бололтой. Гертрудагийн бүх биеэр зарсхийгээд явчихав. Эмэгтэй аажмаар уруудсаар доош бууж удалгүй буудай тарьсан талбай. бэлчээр дунд оров. Дахин хагас цаг явж, бараг үдшийн бүрэнхий болоход сая хотын энэ хэсгийн хамгийн эхний Уайт Харт хэмээх нэртэй дэн буудалд хүрчээ.
Түүнийг хараад хүмүүс төдий л гайхсангүй. Тэр үед одоог бодвол фермчний авгай нар морь унаж явах нь олонтаа байжээ. Гэвч Лоож хатагтайг харсан хүн, түүнийг хүний эхнэр гэж бодохгүй байлаа. Зочид буудлын эзэн, түүнийг маргааш болох цаазыг сонирхох гэж л санд мэнд давхиж ирсэн эмэгтэй хэмээн боджээ. Эр нөхөр нь ч тэр, өөрөө ч тэр хэзээ ч Кастербрижд ирж наймаа арилжаа хийж байгаагүй болохоор энд түүнийг хэн ч таних ёсгүй байв. Тэрбээр мориноосоо бууж байхдаа хүүхдүүд морины эмээл хазаар хийдэг хүний байшингийн үүдэнд шаван, гэр дотор нь болж буй юмыг сонирхон харж буйг харлаа.
Зочдын морийг манаж байдаг хүнээс
— Тэнд юу болоод байгаа юм бэ? гэж асуусанд
— Маргааш хэрэглэх олс хийж байгаа юм гэжээ.
Ийм хариу сонсмогц зүрх нь түг түг цохилж, гар нь өөрийн эрхгүй татганав.
Нөгөө хүн үргэлжлүүлэн ярьсан нь:
— Дараа нь энэ олсыг хоёр хоёр хуруу хэртэй огтлоод зардаг юм. Та хүсвэл би танд нэг тасархайг үнэгүй олж өгч чадна шүү?
Эмэгтэй яагаад ч юм бэ бузар шулмын хувь заяа, өөрийнх нь хувь тавилантай ээдрээтэйгээр сүлжилдэн холбогдож байгааг мэдэрч байсан тул шалавхан татгалзаж, нэг шөнө өнгөрөөх өрөөндөө орж, бодолд автан суув.
Одоо хүртэл ямар аргаар шоронд нэвтрэн орох вэ гэдгээ олоогүй байлаа. Тэгснээ гэнэт нөгөө зальтай хүний хэлснийг санав. Тэрбээр, чи гоо үзэсгэлэнгээ зөв ашиглаж чадвал шоронгийн бүх хаалганы түлхүүр чиний гарт орно гэж хэлж байсан болов уу. Хэдийгээр залуу насыг нь бодвол гоо үзэсгэлэн нь буурсан болов ч санадаг л санаа. Урьд өмнө шоронгийн ажилтнуудтай уулзаж учирч байгаагүй болохоор тэдний тухай үнэхээр сайн мэдэхгүй байлаа. Шоронд дарга гэж байдаг, бас орлогч дарга гэж байдаг хэмээн дуулснаас цаашгүй ажээ. Гэвч заавал яргачин байх ёстой гэдгийг сайн мэдэж байсан учраас юуны түрүүнд шууд л яргачинтай нь уулзвал дээр гэж шийдэв.


8. УСНЫ ДЭРГЭДЭХ ДАЯАНЧ
Тэгэхэд ч тэр, түүнээс хойш нэлээн хэдэн жилийн дараа ч тэр шорон болгон нэг яргачинтай байжээ. Гертруда асууж сурагласаар байгаад Кастербрижийн шоронгийн яргачин, орой дээрээ шоронгийн байшин барилгатай эгц хадан цохионы хормойг ороосон, тогтуухан урсгалтай хөл алдам гүнзгий голын эрэг дээр буй бяцхан байшинд суудаг гэдгийг мэджээ. Энэ гол урссаар нөгөө Стиклфорд, Холмстоукийн нуга бэлчээрийг усалдаг гол мөн гэдгийг мэддэггүй байв.
Тэрбээр хувцсаа сольж өмсөөд цай ууж, хоол идэхээсээ өмнө нөгөө ганцаараа шовойн харагдаж буй байшинд очихоор голын эрэг дагуу зурайх замд орж алхсаны учир юунд вэ гэвэл, ер нь ямарваа нэгэн нарийн ширийн асуудал тулгарахад заавал түүнийг ухааран ойлгож баймааж л сая тайвширдагт орших ажээ. Ийнхүү замаар алхаж явахдаа шоронгийн дэргэдүүр өнгөрч, түүний хашааны хаалганы хавтгай дээвэр дээр зангидаж босгосон тодоос тод харагдаж буй гурван мод нүдэнд нь тусаж, холоос харахад олон цэг цааш нааш хөдөлж байсныг санаж, юуны учир босгосон мод болохыг мэдээд алхаагаа .нэмэн дэргэдүүр нь өнгөрөв. Дахин зуугаад алхам явж, нөгөө жаалын зааж өгсөн яргачны гэрийн гадаа иржээ. Эл байшин голд ойрхон бөгөөд далангийн дэргэд шахам тул өндөрлөгөөс буух ус араатны хаан арслан архирч буй мэт аймшигтайяа шуугина.
Байшингийн дэргэд зориг дутан зогсож байтал хаалга нь онгойж, нэг гартаа дэнлүү барьсан, нөгөө гараараа түүнийгээ халхалсан өвгөн гарч ирэв. Хаалгаа гаднаас нь цоожилж унтлаганы өрөөндөө очих гэж буй бололтой гаднах шатаараа дээш өлсөж эхлэв. Гертруда өвгөнийг харан харан хурдалсан боловч дөнгөж шатанд хүрч байхад цаадах нь хэдийн дээр нь гарчихсан байлаа. Эмэгтэй усны щуугианаас илүү чанга хашхирч дуудахад өвгөн сонсож, доошоо хараад,
— Чи энд юу хийж яваа хүн бэ? гэж асуув.
— Тантай хэд гурван үг солих гэсэн юм.
Өвгөн дэнлүүнийхээ гэрлийг тусган царайчилсан байртай нэг цонхигор эмэгтэй дээшээ харан зогсож байгааг харав. Өвгөн нөгөө шатаараа уруудлаа.
Яргачны нэр алдар гэвэл Дэвис ажээ. Тэрбээр хэлсэн нь:
— Уг нь би унтдаг юм билүү гээд явж байсан юм. Эрт унтвал эрт босно. Гэхдээ тантай жаал саатан уулзахад дургүйцэх юм алга. За, манайд ор доо гэж хэлээд өвгөн саяхан цоожилсон хаалгаа онгойлгож, өөрөө түрүүлэн дотогшоо оров.
Өвгөн үндсэн ажлынхаа хажуугаар бас цэцэрлэгчээр ажилладаг байсан тул дотогш ормогц юуны түрүүн байшингийн нэг буланд хураасан цэцэрлэгчийн багаж хэрэгсэл нүдэнд тусна. Эмэгтэй хөдөөний хүн шиг харагдсан учраас өвгөн дуугарахаас нь өмнө өрсөж,
— Чи намайг тариа ногооны ажилд туслаач хэмээн гуйх гэж байгаа бол шууд л чадахгүй гээд хэлчихье. Би Кастербрижээс ер гарч үзээгүй хүн. Миний жинхэнэ ажил бол шударга үйл гүйцэтгэгчийн үүрэг юм гэжээ.
— Тийм ээ, тийм! Би мэдэж байна. Маргааш болох биз дээ?
— Аан за! За, тийм ээ. Тэр хэрэг чамд ямар хэрэгтэй юм бэ? Бусад хүмүүстэй адил, олсны тасархай горьдож ирсэн бол хол явсан хөлний гарз. Тэр олсны тасархай чинь, хүний эрүүн доор байхдаа яадаг билээ тээ, яг л тийм тустай эд юм гэж би үргэлж хэлдэг. Энэ цаазлуулах гэж байгаа хүн чиний хамаатан садан уу? Эсвэл, чиний хөлсөлж ажиллуулж байсан хүн үү? хэмээн өвгөн сүүлчийн асуултаа эмэгтэйн хувцас хунарыг ажигласнаа тавив.
— Үгүй ээ. Яг хэдэн цагт цаазлах вэ?
— Цаазалдаг цагтаа л цаазална. Арван хоёрт. Лондонгоос шуудангийн тэрэг ирсний дараа. Шуудангаар өршөөх зарлиг ирж магадгүй хэмээн бид ирэхийг нь хүлээдэг юм.
— Пээ, яана! Өршөөх гэнэ ээ! Үгүй байлгүй дээ? гэж эмэгтэй өөрийн эрхгүй дуу алдав,
— Ха, ха, ха. Ажилдаа дуртай хүний хувьд би ч гэсэн тэгж найдаж байна. Гэхдээ ер нь хорвоод өршөөгдөх ёстой хүн гэж байдаг юм бол маргааш цаазлуулах гэж байгаа хун яах аргагүй мөн. Дөнгөж арван найм хүрсэн хүү байгаа юм. Нуруу өвс шатахад санаандгүй дэргэд нь байж байгаад баригдсан юм гэсэн. Гэхдээ ингэж нэлээд өвс шатаж ихээхэн гарз хохирол учирсан болохоор дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд хүмүүсийг яс махандаа шингэтэл ойлгог гэж тэр хүүд цаазлах ял ноогдуулсан юм.
— Үгүй ээ, би зүгээр л нэг юм мэддэг, худал хэлдэггүй хүний зөвлөснөөр, хүний хараалыг зайлуулахын тулд тэр цаазлуулах хүнд хүрэх гэсэн юм хэмээн бүсгүй тайлбарласанд,
— Өө тийм үү, хатагтай! За, за сая л ойлголоо. Урьд өмнө олон хүн ингэж над дээр ирдэг байсан. Гэхдээ цусаа солих гэж яваа хүн гэж чамайг хараад бодсонгүй шүү. Ер нь юу чинь өвдөөд байгаа юм бэ? Би эхлээд мэдэх ёстой гэлээ.
— Миний гар гэж эмэгтэй хариулаад хатсан арьстай гараа дурамжхан үзүүлэв.
Яргачин гарыг нь анхааралтай үзээд
— Пөөх! Энэ чинь нил сорви шив дээ! гэлээ.
Эмэгтэй хариулсан нь:
— Тийм ээ.
Өвгөн сэргээд явчхав. Тэрбээр цааш нь үргэлжлүүлэн ярьсан нь:
— Нээрэн, тэгэхээс өөр аргагүй шарх байна! Яг л мөн байна даа! Би урьд өмнө наадахаас чинь өөр, ганцхан энэ аргаар эмчилж болох шарх сорви үзэж байгаагүй юм байна. Чамайг үнэхээр юм мэддэг хүн наашаа явуулж шүү.
Эмэгтэй амьсгаагаа даран байж асуусан нь:
— Та тэгээд надад бүрэн туслах уу?
— Үнэнийг хэлэхэд, эхлээд чи шоронгийн даргатай уулзах хэрэгтэй. Тэгэхдээ бас эмчээ дагуулж очоод нэр, хаягаа тодорхой хэлэх ёстой. Би л мартаагүй бол урьд өмнө тэгж байсан санагдаж байна. Гэхдээ би багахан шагнал өгвөл бүх юмыг бүтээгээд өгч болио шүү.
— Пээ, гялайлаа! Ямар сайн юм бэ. Би танд шан өгч хэргээ бүтээсэн нь дээр гэж бодож байна. Нууц байлгах санаатай байна.
— Амраг хонгороосоо нууж байгаа юм уу?
— Үгүй ээ, нөхрөөсөө.
— За, за! Хоёулаа тохирлоо. Би чамайг тэр хүний хүүрэнд хүргүүлэмз.
Эмэгтэй чичрэн асуусан нь:
— Одоо тэр хүүр хаана байна?
— Хүүр гэж дээ хүн үү? Одоохондоо амьд байгаа юм шүү дээ. Тэртээ хол дүнсгэр царайлан харагдаж буй шоронд байгаа гээд өвгөн, эгц цохионы орой дээр байгаа шорон уруу заав.
Эмэгтэй нөхрийнхөө тухай, найз нөхдийнхөө тухай бодов. Тэгснээ:
— За, за. Харин яаж би тэр газар чинь хүрч очих вэ? гэж асуув.
Өвгөн эмэгтэйг үүд уруугаа дөхүүлэнгээ хэлсэн нь:
— Чи шоронгийн хана дагаад явбал нэг хаалгатай таарна. Тэнд яг нэг цаг гэхэд очоод хүлээж байгаарай. Би тэр хаалгыг дотроос нь онгойлгоно. Би тэр ялтныг цаазалж дуустлаа гэртээ харьж хоолоо идэж чадахгүй. За баяртай. Бүү хоцроорой. Хэрэв чи хүнд танигдахгүй гэж байгаа бол нүүрнийхээ урдуур тор унжуулаарай. Чааваас даа, би чам шиг охинтой байсан юм!
Эмэгтэй ч өвгөнийхөөс явлаа. Тэрбээр өгсүүр замаар явж байхдаа маргааш өнөө хаалга нь олдоно биз хэмээн өөрийгөө итгүүлэхийг хичээнэ. Тэгтэл удалгүй тэр хаалга ч харагдлаа. Шоронгийн гаднах хананд нарийхан цоорхой байх нь нөгөө хаалга ажээ. Явж буй зам нь нэлээн өгсүүр учраас эмэгтэй дээшээ мацсаар хаалганы дэргэд ирэхдээ баахан амьсгаадсан байсан учраас түр амсхийн зогсов. Эргэж голын эрэг дээр шовойж буй овоохой уруу харвал, яргачин дахин нөгөө шатаараа дээшээ гарч явлаа. Тэгээд дээд давхрын өрөөндөө орсноо удалгүй гэрлээ унтраав.
Хотын цаг дуугарахыг сонсвол арван цаг болжээ. Эмэгтэй буцаж Уайт Харт буудалд очлоо.


Last edited by Surfer on Sep.10.17 12:31 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Sep.10.17 12:00 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
9. САНАМСАРГҮЙ УЧРАЛ

Бямба гаригийн шөнийн нэг цаг боллоо. Тохирсон ёсоор шоронд нэвтрэн орсон Гертруда Лоож, тэр үед шинэвтэр санагдаж байсан, зассан чулуу өрж босгосон, сонгомол маягийн хийцтэй дээрээ «Мужийн шорон, 1793 он» гэж бичсэн даамангийн хоёр дахь хаалгаар орж, хүлээх өрөөнд сууж байлаа. Өчигдөр холоос харахад нүдэнд нь туссан шоронгийн барилгын нүүрэн тал нь энэ ажээ. Тэндээс шууд дээвэр дээр буй цаазыг тавцанд хүрч болох аж.
Энэ жижиг хот хөл үймээн ихтэй, зах нь түр хаалттай байлаа. Харин Гертруда айн сандарч амь наана там цаана сууж байв. Болзсон цагаа болтол өрөөнөөсөө цухуйлгүй байж байгаад хүн цаазлахыг харах гэж эгц хадан цохионы ёроолд цугларан шавсан олон хүнд хараагдахгүйг хичээн зорьсон газраа очжээ. Гэхдээ одоо ч гэсэн доор цугларсан олны дуу шуугиан болон тэр дунд «Хамгийн сүүлчийн үгээ хэлж нүглээ наманчил» гэж сөөнгө хоолойгоор хашхирах хүний дуу бусдаас илүү тод сонстоно. Ялтныг цаазлах ялаас хэлтрүүлсэнгүй, шууд л цаазалжээ. Гэвч цугларсан олон, цаазлуулсан хүний хүүрийг авч явахыг харах гэж таралгүй зогсоно.
Удалгүй санаснаа хийх гэж уйгагүй зүтгэж яваа эмэгтэй, дээр нь хүний хүнд алхах хөлийн чимээ гарахыг сонсов. Тэр дорхноо нэг гар өөрийг нь дохиогоор дуудав. Сууж байсан өрөөнөөсөө гадагшаа гарч дуудсан чигт нь яван, аварга том хаалганы цаана буй, шоронгийн хашаан доторх зассан талбайг гэтлэв. Өвдөг нь учиргүй чичрэх тул арайчүү алхана. Эмэгтэй, нэг ханцуйгаа сул унжуулж, харин өвчтэй гараа алчуураараа ороосон харагдана.
Эмэгтэй явсаар хүрэх ёстой газраа хүрвэл тэнд шургааг зөрүүлэн хадаж хийсэн хоёр суурь байлаа. Тэдгээрийг ямар учиртай тэнд тавьсныг бодож амжаагүй байтал ард нь шатаар бууж буй хүний хөлийн нүсэр чимээ сонстов. Эмэгтэй эргэж харах чадал ч байсангүй. Нэг газар үл хөдлөн зогсох мөртөө, дөрвөн хүн, хайш яйш хадаж хийсэн авс мөрөн дээрээ тавин дэргэдүүр нь өнгөрч байгааг ойлгожээ. Авс нь задгай бөгөөд дотор нь бааздуу хийцтэй даавуун өмдтэй ажлын хувцас бүхий залуухан эр хэвтэж байв. Түүний ажлын хувцас авсны ирмэг дээгүүр даван унжиж байснаас харахад хүүрийг авсанд тун яаруу хийсэн нь мэдэгдэж байв. Авсыг нөгөө хоёр суурь дээр тавив.
Яг энэ үед залуу бүсгүйн. санаа сэтгэлийн байдал ямар байсныг үлгэрлэн хэлбэл, нүдний нь өмнө манан татсан мэт байсан бөгөөд дээр нь бас нүүрнийхээ урдуур тор унжуулсныг нь санавал үнэхээр юу ч харахгүй байлаа. Тэрбээр юу юугүй амь тавих гэж буй мэт байсан бөгөөд зөвхөн сэтгэлийн тэнхээгээрээ л одоо хүртэл хоёр хөл дээрээ тогтож байлаа.
Дэргэд нь нэг хүн «За одоо!» гэж шивнэхэд энэ бол өөрт нь хандаж хэлсэн үг байна гэж бүдэг бадаг ойлгов.
Эцсийн хүч тэнхээгээ шавхан урагш алхав. Яг энэ мөчид араас нь хэдэн хүн ойртон ирж буйг сонсов. Гертруда хараал туссан гараа гаргахад Дэвис, цаазлуулсан хүний хучлагыг сөхөж нүүрийг нь ил гаргаад Гертрудагийн гараас нь барьснаа үхсэн хүний хүзүүн дээрх хад жимс шиг өнгөтэй нарийхан зураасыг тааруулан тавилаа.
Гертруда муухай чарлав. Илбэчин өвгөний хэлсэн «цус солигдоно» гэдэг болжээ. Тэгтэл яг эл мөчид бас нэг хүний муухай чарлах дуун хадаж, агаарыг хага ярах шиг болов. Гертруда гайхаш алдан эргэж харвал, танигдахын аргагүй нүүр царайтай, удаан уйлж унжсанаас болж ув улаан нүдтэй болсон Рода Брук зогсож байлаа. Түүний ард Гертрудагийн нөхөр зогсож байсан бөгөөд царайд нь гүн үрчлээ сууж, нүдэндээ нулимсгүй боловч харц нь элий балай мэт болсон байлаа.
— Чи юу! Энд юу хийж байгаа чинь энэ вэ? гэж нөхөр нь сөөнгө дуугаар асуув.
— Энэ бузар эм, бид хоёр, манай хүүхэд гурвын дундуур орох гэж яваа нь энэ! Чөтгөрийн үзүүлсэн өнөөх хий үзэгдлийн учир энэ байжээ! Чи яг тэр шулам дүрээрээ мөн байна даа! гэж Рода хашхираад Гертрудагпйн нүцгэн гараас чанга атгаж, огцом татан түүнийг хананд шахжээ. Тэгээд Брук барьцаа сулруулмагц, турьхан залуу бүсгүй Гертруда нөхрийнхөө хөлд үхэтхийн унав. Нөхөр нь түүнийг өргөж босгоход ухаан алдсан байлаа.
Гертруда, нөхрөө Родатай хамт байхыг хармагцаа саяын цаазлуулсан залуу бол тэр хоёрын хүү гэдгийг тааварлажээ. Тэр үед ялтны төрөл садан хүсвэл цаазлуулсан хүнийхээ шарилыг хүлээн авч өөрсдөө оршуулах эрхтэй байжээ. Тийм эрхтэй байсан учраас л Лоож, Родатай хамт алдсан хүүгийнхээ шарилыг шалгаж авахаар энд ирсэн байлаа. Рода хүүгийн нь хэрэг хийсэн хэмээн баривчилмагц, мөн дараа нь бас хэд хэдэн удаа Лоожийг дуудуулсан юмсанжээ. Тийм учраас Лоож шүүхийн хуралд суужээ. Өнөөх «амралттай» хэмээн өөртөө зав гарган явсных нь учир тэр байлаа. Хүүгээ цаазлуулж уй гашууд автсан эцэг эх хоёр хүн амьтны нүдэнд харагдахгүйг хичээн, хүүгийнхээ шарилыг авахаар иржээ. Шоронгийн гадаа, шарилыг нь ороох даавуу, авч явах тэрэг хүлээж байлаа.
Гертрудагийн биеийн байдал тун муу байсан учраас шоронгийн эмчийг дуудаж үзүүлэх хэрэгтэй болов. Түүнийг шоронгийн хашаанаас дамжлан гаргаж хот уруу авч явав. Гэвч эмэгтэй гэртээ амьд мэнд буцаж очих тавилангүй байжээ. Түүний хөдлөхөө больж хатсан гараас нь болж улам сульдсан чадал тэнхээ нь бүхэл бүтэн хорин дөрвөн цагийн турш бие бялдар, оюун санааны хүнд хүчир дарамтад байсны дараа амссан хоёр хүнд цохилтын дараа юу ч үгүй шавхагдан алга болжээ. Түүний цус үнэхээр «солигдсон» боловч хэтэрхий «солигдсон» гэж хэлж болох байлаа. Тэгээд гурван хоногийн дараа энэ хотод амьсгаагаа хураажээ.
Тэр явдлаас хойш нөхөр нь дахин хэзээ ч Кастербрижд үзэгдээгүй ажээ. Харин урьд өмнө тогтмол очдог байсан Энглбэри хэмээх хэзээнээс зах зээлийн газар гэж алдаршсан хотхонд нэг удаа, энд тэнд хааяа өдрийн од мэт ховор үзэгддэг болжээ. Эхлээд баахан сэтгэл нь шаналж, санаагаар унасан боловч аажмаар арай дээрдэж, хожим туйлын цэвэршин ариусаж, үргэлж бодлогошрон явдаг хүн болжээ. Хөөрхий муу залуу эхнэрээ оршуулмагцаа Холмстоук дахь ферм, мөн түүний залгаа сүмээсээ салан ангижирч, мал сүргээ ч зарж, мужийн нөгөө хэсэгт байдаг Порт-Брэди хэмээх газар уруу нүүж, тэнд ганц бие суусаар хоёрхон жилийн дараа нас нөгчжээ. Нас барсных нь дараа үзвэл, нэлээд арвин эд хогшлоо хүүхдийн засан хүмүүжүүлэх газар гэрээслэн шилжүүлсэн байлаа. Уг нь Рода Брук хаана байгаа нь олдсон бол эд хогшлоос нь жил бүр бага хэмжээний тэтгэмжийн мөнгө авах боломжтой байсан юм.
Нэг хэсэг энэ эмэгтэй хаана байгаа нь мэдэгдэхгүй байлаа. Гэвч удалгүй хуучин сүмдээ хүрч ирсэн бөгөөд өөрт нь бага хэмжээний тэтгэмж оногдож болохыг мэдээд авахаасаа эрс татгалзжээ. Төдөлгүй нөгөө л сүүний фермдээ саальчнаар ажиллаж эхэлжээ, Ингэж саальчны ажил хийсээр он жил улиран өнгөрч, нуруу нь бөгтийж, хар үс нь цэл бууралтаж, дух нь бяцхан халзрав. Магадгүй үхрийн бөөрөнд үргэлж духаа нааж байдаг байсан болохоор тэгсэн байж болно. Заримдаа түүний үүх түүхийг мэддэг байсан хүмүүс зориуд холхон зогсоод, түүнийг ширтэн харж, сааж буй сүүнийх нь шур шур хийх дуутай хамт, юу ч илэрхийлэхээ больж зангирч үрчийсэн хөмсөгнийх нь цаана ямар гунигт бодол сулхан цохилж байгаа бол хэмээн гайхан боддог байлаа.


Last edited by Surfer on Sep.10.17 12:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.10.17 12:28 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
РОБЕРТ ЛУИС СТИВЕНСОН - ЧӨТГӨРТЭЙ ЛОНХ

I

Эрт урьд цагт нэгэн хүн Хавайн арал дээр амьдардаг байжээ. Үүнээс хойш түүнийг Кийв гэж нэрлэх болно. Учир нь, тэр хүн одоо хүртэл амьд сэрүүн байгаа тул нэрийг нь нуух ёстой юм. Түүний эхээс унасан газар нь, Их Кийвийн ясыг нуусаар буй агуйтай Хонаунау хэмээх газраас холгүй бий. Тэрбээр сэргэлэн, зоримог ядуу эр байсан юм. Мөн ямар ч сургуулийн захирлаас доргүй уншиж бичиж чаддаг байжээ. Түүгээр ч зогсохгүй, нэгдүгээр зэргийн сайн усан цэрэг байсан бөгөөд нэг хэсэг арлын уурын усан онгоцнууд дээр ажиллаж мөн Хамакуа эргийн дагуу халим агнах усан онгоцны жолоог мушгиж явав. Гэтэл нэг өдөр түүнд гадаад орны хот суурин газрын бараа харах хүсэл төрж Сан-Францискогийн чиглэлийн усан онгоцонд суужээ.
Сан-Франциско бол тохилог усан боомттой аргагүй л үзэсгэлэнт сайхан хот бөгөөд тоо томшгүй олон баян чинээлэг хүн суух ажээ. Хамгийн чамин зүйл гэвэл, хотын нэг толгой дээр барьсан орд харш байлаа. Чухамхүү тэр толгой дээр Кийв халаас дүүрэн мөнгөтэй зугаалж, эргэн тойрон сүндэрлэх өндөр байшинг их л таашаасан янзтай харж явлаа
Түүний бодох нь: «Юутай сүртэй сайхан байшингууд вэ? Ийм сайхан байшинд маргаашийнхаа төлөө санаа зоволгүй сууна гэдэг мөн жаргал аа!»
Энэ бодол толгойноос нь замхарч арилаагүй байтал Кийв, нэг авсаархан байшингийн дэргэд очив. Бусад байшингаас арай бага боловч дутуу юм гэж байхгүй бөгөөд туйлын чамбай янзалж гоёсон байсан тул тоглоом шиг санагдана. Шат нь мөнгө адил гялалзаж, цэцэрлэгийнх нь хүрээ цэцгийн хэлхээ адил өнгө өнгөөр ялтран нүд баясгаж, цонхны шил нь алмааз адил тунгалаг байсан учраас Кийв өөрийн эрхгүй дэргэд нь саатаж, харсныгаа дотроо шагшран гайхаж нэг хэсэг зогсов. Тэгснээ болор адил тунгалаг шил бүхий цонхны цаанаас өөрийг нь нэг хүн ширтэн зогсож буйг олж харав. Тэр хүн тунгалаг усанд сэлж буй загаснаас илүү тод харагдах нь сонин. Тэр бол хижээлдүү насны, толгой нь халзан бөгөөд харин өтгөн хар сахалтай хүн байлаа. Нүүр царай нь уй гашууд автсан байдалтай бөгөөд үе үе уртаар шүүрс алдана. Хамгийн хачин нь гэвэл, Кийв тэр хүнийг хармагцаа, тэр хүн, Кийвийг хармагцаа хоёулаа нэг нэгэндээ атаархжээ.
Тэгтэл нөгөө хүн гэнэт инээмсэглэснээ, толгойгоо дохиж, Кийвд ороод ир хэмээн зангаж, босгон дээрээ угтав.
- Энэ бол миний тансаг сайхан байшин. Та орж өөрийн нүдээр сайн үзэхгүй юу? гэж нөгөө хүн хэлснээ гашуунаар санаа алдав.
Тэгээд Кийвийг дээд, доод давхрын бүх өрөөгөөрөө дагуулан явж үзүүлэв. Үзсэн харсан бүх юм нь төгс төгөлдөр, уран гоё хийцтэй байсан учир Кийв, хий л амаа ангайн баахан гайхаж шагшраад,
- Нээрэн, үнэхээр гайхамшигтай сайхан байшин байна. Би ийм байшинд суудаг байсан бол лав үргэлж инээж байх байсан. Гэтэл та яагаад байн байн шүүрс алдана вэ? гэв.
- Яалаа гэж тийм шалтгаан байх вэ. Харин чи хүсэж байвал ийм юм уу, энэнээс ч илүү гоё сайхан байшинтай болж болно шүү дээ. Чи мөнгөтэй биз? гэж нөгөө хүн хариуд нь асуув.
- Би уртаашаа тавьхан доллартай. Гэвч таныхтай адил байшин лав тавиар зогсохгүй үнэтэй байж таарна.
Нөгөө хүн хэсэг бодлогошроод,
- Чи тавьхантай байдаг муу байна. Ингэснээрээ чи ирээдүйд өөрөө зовно. Гэлээ ч гэсэн яах вэ, чамд тавиар өгье гэжээ.
- Энэ байшингаа юу?
- Үгүй ээ, энэ байшин биш. Харин лонх. Хэдийгээр би чамд туйлын баян чинээлэг, азтай хүн мэт харагдаж байгаа боловч миний бүх аз, эд хөрөнгө, энэ байшин, цэцэрлэг цугаараа хагас литрийн лонхны ачаар л буй болсон гэдгийг чамд хэлэх ёстой. Энэ лонх л доо.
Тэгж хэлмэгцээ нэг сав онгойлгож урт хүзүүтэй лонх гаргаж ирэв. Сүү шиг цагаан өнгөтэй шилээр хийсэн лонх байсан бөгөөд гэрэлд өнгө нь хувирч солонгын долоон өнгөөр гэрэлтэх аж. Харин дотор нь нэгэн бүдэг бадаг юм хөдлөөд байх шиг харагдах нь сүүдэр юм уу, эсвэл цог ч юм уу гэмээр боловч чухам аль нь болохыг хэлэхэд хэцүү.
- Өнөөх лонх чинь энэ дээ гэхэд нь Кийвийн тас тас хөхрөхөд
- Чи надад итгэхгүй байна уу?
- Тэгвэл чи өөрөө оролдоод үз л |дээ. Наадах чинь яасан ч хагарахгүй гэж нөгөө хүн хэлэв.
Кийв лонхыг аваад шалан дээр өдий төдий удаа чулуудсаар эцэстээ ядарчээ. Харин лонх хүүхдийн бөмбөг шиг ойхоос биш эвдэрч гэмтсэн зүйлгүй.
- Нээрэн хачин гом аа. Барьж үзэхэд, бас харахад шил юм шиг мөртөө хагардаггүй гэж Кийв гайхан хэллээ.
Өнөөх хүн урьд урьдаасаа харуусалтайгаар шүүрс алдсанаа,
- Шил нь ч шил ээ. Гэхдээ наад лонхны чинь шилийг тамын галд хатаасан юм. Дотор нь чөтгөр байгаа. Нэг юм сүүтгэнээд байгааг харж байгаа биз дээ? Тэр л чөтгөр болов уу. Чөтгөр энэ лонхыг худалдаж авсан хүний эрхэнд ордог юм. Хайр дурлал, алдар нэр, мөнгө хөрөнгө, энэнтэй адилхан байшин. эсвэл бүр бүхэл бүтэн хот, ер нь хүссэн бүх хүсэл биелнэ. Наполеон энэ лонхыг авч явсан юм гэсэн. Тэгээд энэ лонхны ачаар манай дэлхийн хаан болсон юм билээ. Гэхдээ энэ лонхыг зарсан өдрөөс нь эхлээд хувь заяа нь өөрөөр эргэсэн юм. Усан онгоцны ахмад Кук энэ лонхыг авч явсан юм гэнэ билээ. Чухамхүү наад лонхны чинь ачаар л тийм олон арал нээсэн юм. Гэвч бас л зарж, Хавайн арал дээр хүний гарт үхсэн юм гэдэг. Ер нь энэ лонхыг зармагц, түүнтэй цуг ид шид, сүр хүч аль аль нь арилдаг юм. Хэрэв хүн өөрт нь үлдсэн юмандаа сэтгэл хангалуун байхгүй бол айхтар өвчинд нэрвэгддэг юм гэсэн.
- Тэгээд та яагаад энэ лонхыг зарна гэж байгаа юм бэ? гэж Кийв асуув.
Нөгөө хүний хариулсан нь:
- Би хүслээ хангалаа, одоо надад дутах юм байхгүй. Нас сүүдэр ч яваад өглөө. Энэ лонхны бүтээж чаддаггүй ганцхан юм байдаг нь хүний насыг уртасгаж чаддаггүй юм. Наад лонхны чинь бас нэг дутагдлыг чамаас нуувал шударга бус явдал болно биз ээ. Хүн энэ лонхыг зарж амжилгүй нас барвал шууд тамын галд унаж үүрд шатаж байх тавилантай болдог юм гэнэ билээ.
Кийв дуу алдаж,
- Наадах чинь дутагдал ч биш аймшигт ял байна. Наадахтай чинь зууралдахаа болъё. Би нэг муу байшингүй амьдраад байж чадна. Бурхны ивээл! Гэхдээ тамд унатлаа тэгж хараалгаж, өөрөө өөрийнхөө толгой дээр лай хураахаа болих уу даа гэв.
- Хонгор минь! Чи яарах хэрэггүй, харин чөтгөрийн ид шидийг хүсэлдээ тааруулан ашиглаж, дараа нь надтай ижил бас нэг хүнд зараад, насныхаа эцэст энх тунх чинээлэг амьдар гэж нөгөө хүн хэллээ.
- За тэр яах вэ Би тантай ярьж байхдаа хоёр юм ажиглалаа. Нэгдүгээрт, та надтай ярьж байхдаа дурласан бүсгүй шиг үргэлж шүүрс алдаж байлаа. Хоёрдугаарт, та надад энэ лонхыг хэтэрхий хямд өгөх гэж байна гэж Кийв хариулав.
- Би яагаад шүүрс алдаж байгаагаа чамд хэлсэн биш үү. Нас өндөр болж, бие тэнхээ сульдаж байна. Хэн ч гэсэн үхэхдээ тамд очихыг хүсэхгүй гэж чи ч гэсэн саяхан өөрөө хэлсэн шүү дээ. Харин яагаад энэ лонхыг ийм хямдхан зарж байна вэ гэвэл, үүнтэй холбогдолтой өөр нэг нарийн юм байгааг чамд учирлан тайлбарлах хэрэгтэй. Эрт урьд цагт, анх чөтгөр энэ лонхыг манай газар дэлхийд авчрахад тэнгэрт хадсан үнэтэй байсан юм гэнэ билээ Энэ лонхыг анх дундад зуунд Дунд Азид байсан уудам дэлгэр нутагтай эзэн хаант улсын хаан агсан Престер Жон олон сая доллараар худалдаж авсан юм гэсэн. Гэхдээ энэ шилийг заавал анх худалдаж авсан үнэнээсээ хямдаар зарах ёстой юм. Хэрэв чи энэ лонхыг хүнээс авсан яг тэр үнээрээ өөр хүнд худалдвал лонх, гэрийн тэжээмэл тагтаа шиг буцаад л ирнэ. Ийнхүү хэдэн зууны дараа энэ лонхны үнэ учиргүй хямдхан болсон юм. Би өөрөө энэ лонхыг нэг хөршөөсөө ердөө ерэн доллараар авсан. Тэгэхлээр би энэ лонхыг наян есөн доллар ерэн есөн центээр эсвэл үүнээс хямдаар зарах эрхтэй. Эс тэгвээс энэ лонх надад эргэж ирнэ. Гэхдээ хоёр юм миний санааг зовоож байна. Нэгдүгээрт, хэрэв ганцхан лонхыг ная гаруй доллараар зарах гэж оролдвол, хүмүүс тоглоом хийж байна гэж бодно. Хоёрдугаарт, үүнийг зарахын түүс болж хүн амьтныг хууран зарж болохгүй. Би ч тэгж яарахгүй. Харин үүнийг цаасан мөнгөөр биш зоосон мөнгөөр зарах хэрэгтэй.
- Таны ярьсан юм үнэн гэдгийг би яаж мэдэх вэ гэж Кийв асуув.
- Зарим ид шидийг нь чи одоо ч шалгаж болно. Чи надад тавин доллараа өгчих. Тэгээд энэ лонхыг авмагцаа, эргээд халаасандаа тавин доллартай болохыг хүс. Хэрэв тэр дорхноо халаасанд чинь тавин доллар бий болохгүй бол, би нэр төрөөрөө андгайлъя, чамаас энэ лонхоо буцааж аваад чиний тавин долларыг эргүүлж өгнө.
- Та намайг хуураагүй биз? гэж Кийв асуусанд нөгөө хүн эсэргүүцэж хамаг ариун нандин юмаараа андгайлав.
- За яах вэ, оролдоод үзье. Ямар алдах юм байгаа биш гэж сүүлдээ Кийв хэлжээ.
Тэгээд нөгөө хүнд тавин доллараа өгч, өнөөх лонхыг аваад
- Лонхны чөтгөр сонсож бай! Би тавин доллараа эргүүлж авахыг хүсэж байна гэлээ.
Ингэж хэлж дуусав уу үгүй юу халаасанд нь тавин доллар бий болжээ.
- Нээрэн, үнэхээр гайхамшигтай лонх байна гэж Кийв хэлэв.
- За одоо, сайн анд минь, миний хэрэг гүйцлээ, чөтгөр надтай цуг биш чамтай цуг явах боллоо доо! гэж нөгөө хүн хэлэв.
- Байзаарай! Би наад тоглоомоос чинь уйдчихлаа. Одоо энэ лонхоо эргүүлж ав.
Нөгөө хүн хоёр алгаа хооронд нь үрж,
- Чи надаас анх миний худалдаж авснаас хямдаар авлаа шүү дээ. Тэгэхлээр одоо наад лонх чинь чинийх боллоо. Харин одоо бол би чиний эндээс явахыг л хүлээж байна гэв.
Ингэж хэлмэгцээ хонхоо дуугаргаж хятад зарцаа дуудаж Кийвийг гаргаж өгөхийг тушаав.
Кийв өнөөх лонхоо сугандаа хавчуулсаар, гадаа гудамжинд гарсан хойноо саяын явдлын тухай эргэцүүлэн бодож гарав.
«Энэ лонхны тухай ярьсан бүхэн нь үнэн юм бол би лав алдаатай наймаа хийсэн бололтой. Гэвч мань эр намайг мунхруулж байсан ч байж болох юм».
Юуны түрүүнд халаасанд байсан мөнгөө тоолж эхлэв. Яг л энэ байшинд орохоос өмнө халаасанд нь байсан дөчин есөн америк доллар, нэг чилийн төгрөг хэвээрээ байж байлаа.
- Худлаа хэлээгүй бололтой шүү. Чухам үнэн худал аль нь болохыг дахин нэг шалгая.
Хотын энэ хэсгийн гудамж усан онгоцны тавцан лугаа атал цэвэр бөгөөд хэдийгээр үдшийн цаг болж байсан боловч эргэн тойрон эл хуль. Кийв лонхоо гудамжны ус ордог нүхэнд хийж орхиод тэндээс шалавхан зайлав. Хоёр ч удаа эргэж харахад сүү шиг цагаан өнгөтэй бөөрөнхий лонх саяхан орхисон нүхэнд байж л байлаа. Гурав дахь удаагаа эргэж хараад булан тойртол, нэг хатуу юм тохой уруу нь цохиод авахад нь цочин харахад, нөгөө лонхны хүзүү харагдаж байсан бөгөөд ахиулаад харвал бөөрөнхий гүзээ нь цувны халаасанд орсон байлаа.
«За, энэ бас, үнэн болж таарах нь ээ».
Тэгээд шууд явсаар дэлгүүрт орж бөглөө онгойлгогч аваад хүн амьтны нүднээс далд газар очиж лонхны бөглөөг онгойлгох гэж баахан оролдов. Гэвч яаж ч оролдоод бөглөө нь мултрахгүй бөгөөд урьдын адил бүрэн бүтэн хэвээр ажээ.
«Энэ шинэ маягийн хачин бөглөө байна» гэж Кийв амандаа бувтнаад лонхноос учиргүй айж, бие нь чичрэн. хөлс дааварлав.
Эргээд боомт уруу явж байх замдаа зэлүүд арлуудаас авчирсан дун, янз бүрийн шүтээний дүрс баримал, хуучин мөнгө, хятад япон зураг гэх мэт усан цэргүүдийн авдрандаа хийж авчирдаг есөн жорын юм зардаг дэлгүүр байхыг хараад нэг санаа төрж, дэлгүүрт орж нөгөө лонхоо нэг зуун доллараар зарна гэв. Эхлээд дэлгүүрийн эзэн түүний хэлснийг сонсмогцоо инээж, дараа нь нээрэн ч сонин лонх болохыг мэдмэгцээ таван доллараар явъя гэв. Урьд өмнө хэзээ ч ингэж хатаасан шилтэй тааралдаж байгаагүй бөгөөд сүүн цагаан өнгөнийх нь цаанаас солонгын долоон өнгө ялгаран наадах ажээ. Тэгээд ч дотор нь нэгэн сүүдэр сүүтгэнэнэ. Учир иймд, аливаа худалдаачны аргаар баахан үнэ хаялцаж байснаа эцсийн эцэст дэлгүүрийн эзэн, Кийвд жаран мөнгөн доллар өгч лонхыг нь авмагцаа цонхныхоо завсар тавьжээ.
Ийнхүү лонхоо худалдчихаад Кийв «Тавиар авсан лонхоо жараар худалдчихлаа. Үнэнийг хэлэхэд яг тавиар ч биш юм даа нэг доллар нь чилийнх байсан юм. Одоо тэр хүний хэлсэн өөр нэг ид шидийг нь шалгачихъя» гэж боджээ.
Ийнхүү бодсоор усан онгоцондоо буцаж очоод өрөөндөө орж авдраа уудалбал нөгөө лонх хэдийн тэнд орчихсон байж байв.
Кийв усан онгоцны нэг өрөөнд Лопака хэмээх нэг хүнтэй хамт орсон байжээ.
- Юу болов? Юманд хазуулчихав уу? Яагаад наад авдар уруугаа айсан юм шиг хараад байгаа юм бэ? гэж Лопака асуулаа.
Тэр хоёр усан онгоцны хамар хэсэгт хоёулхнаа байсныг ашиглаж Кийв өөрт нь тохиолдсон бүх юмны тухай Лопакагийн чихэнд шивнэжээ.
- Нээрэн хачин явдал байна шүү. Чи наад лонхтойгоо нэлээд зовно байх даа. Ямар ч байсан нэг юм тодорхой байна. Юу гэвэл, чи наад лонхтойгоо нэлээн зовно гэдгээ өөрөө ойлгож байна: хоёрдугаарт, ашигтай наймаа хийж хэдэн доллар хожсон байна. Чи наадахаасаа чухам юу хүсэх вэ гэдгээ бод. Дараа нь тушаагаад үз, тэгээд хэрэв бүх юм чиний хүссэнээр болбол, би чамаас наад лонхыг чинь худалдаж авъя. Би нэг хөнгөхөн усан онгонтой болж. арлуудын хооронд худалдаа хийж амьдрах юмсан гэж аль эртнээс бодож явдаг юм гэж Лопака хэлжээ.
- Би нэг хүсэх зүйлтэй. Гэвч тэгэхсэн гэж хэн ч гэсэн боддог биз ээ. Би арлынхаа Кона хэмээх эрэг орчим гайхамшигтай сайхан байшин, цэцэрлэгтэй болох юмсан гэж боддог юм. Чухам тэнд би төрсөн юм шүү дээ. Нар үүд хаалгыг нь гэрэлтүүлж, цэцэрлэгт нь янз янзын цэцэг ногоо дэлгэрч, цонхных нь шил гялалзаж, хананд нь өлгөсөн зураг хүний нүдийг баясгаж байна гэдэг сайхан аа. Бас янз бүрийн чамин тоглоомтой бөгөөд ширээ нь гоё бүтээлэгтэй байх хэрэгтэй. Өнөөдөр миний хүссэн тэр байшинтай л ижилхэн гэсэн үг. Харин нэг давхар өндөр, хааны ордон шиг эргэн тойрон тавцантай байвал уу. Тэр байшиндаа элдвийг бодож сэтгэлээ зовоолгүй, найз нөхөд хамаатан садантайгаа цэнгэн жаргаж амьдрах юмсан гэж Кийв ярилаа.
- За тэгвэл наад лонхыг чинь Хавайн арал дээр аваачъя. Хэрэв чиний саяын хүссэн бүхэн биелбэл би наад лонхыг чинь чамаас худалдаж аваад хөнгөн усан онгоцтой болно гэж Лопака хэлэв.
Тэр хоёр ийн тохиролцоод усан онгоц нь Хавайн арлуудын нийслэл болох Хонолулу хотын боомтын усанд зангуу хаян зогсжээ. Тэр хоёр эрэг дээр хөл тавимагц нэг найз нь тааралдаж шууд Кийвийг тайтгаруулж эхэлжээ.
- Юу боллоо гэж намайг тайтгаруулж, миний сэтгэлийг засах гээд байгааг чинь би ойлгохгүй байна гэж Кийв гайхав.
- Чи сонсоогүй гэж үү? Чиний нагац ах, хөөрхий сайн хөгшин байсан юм даа, талийгаач болж, хүү нь сайхан зантай хөөрхөн жаал байсан юм даа, далайд живж үхсэн шүү дээ гэж найз нь бас гайхан хэлэв.
Кийв үүний сонсмогцоо уй гашууд автаж, эхэр татан уйлж, туйлын ихээр гунин гутарч өнөөх лонхоо ор тас мартжээ. Гэвч Лопака энэ бүхний тухай эргэцүүлэн бодож, Кийвийн уй гашуу нь ялимгүй намдахад,
- Би нэг ийм юм бодлоо. Чиний нагац Хавайн арлуудын Кау хэсэгт эзэмшил газартай байсан байх аа? гэж асуув.
- Үгүй, Кауд биш, Кукэнагаас урагш, уулархаг хэсэгт газартай байсан юм.
- Тэгэхлээр тэр газар нь одоо чинийх болно биз? гэж Лопака асуусанд,
- Тийм ээ гэж хэлснээ Кийв дахиад л ойрын хамаатан саднаа алдсандаа гашуудаж эхлэв.
- За, боль боль. Битгий гашуудаад бай. Надад нэг бодол төрлөө. Энэ бүхнийг нөгөө лонх чинь хийсэн юм биш биз? Одоо чи нөгөө хүсэж байсан байшингаа барих газартай боллоо шүү дээ.
- Тийм байлаа ч гэсэн, миний хүслийг садан төрлийг минь хөнөөж хангадаг бол муухай арга байна. Гэвч нээрэн миний хүслийг ингэж хангаж байж магадгүй. Би чухамхүү ийм газар л байшинтай болох юмсан гэж мөрөөдөж байсан юм гэж Кийв хэлэв.
- Гэхдээ тэр байшин чинь хараахан босоогүй байна шүү дээ.
- Босох ч үгүй байх. Хэдийгээр нагац ах минь кофе, гадил зэргийг ургуулдаг бяцхан талбайтай байсан боловч эзэмшил газрынх нь ихэнх хэсгийг галт уулын лав хучсан байсан юм. Тийм учраас миний энэ газар дээр тарган цатгалан, тав тухтай амьдарна гэдэг худлаа.
- За, хоёулаа нагацын чинь хэргийг хөтөлдөг хуульч дээр очъё. Өнөөх бодол чинь одоо хүртэл миний санаанаас гардаггүй гэж Лопака хэлэв.
Ийнхүү тэр хоёр хуульчийнх уруу явав. Түүнтэй очиж уулзаад Кийвийн нагац ах сүүлийн хэдэн жил асар их баяжиж, одоо түүний нас нөгчсөнөөс хойш туйлын их хэмжээний эд хөрөнгө, мөнгө үлдсэн гэдгийг мэджээ.
- Нөгөө хүссэн байшингаа барих мөнгө чинь энэ байна шүү дээ! гэж Лопака тэсэлгүй дуу алдав.
Хуульч түүний хэлснийг сонсоод:
- Хэрэв та шинэ байшинтай болохыг хүсэж байгаа бол би танд нэг уран барилгачны хаягийг өгье. Хүмүүс түүнийг магтдаг юм билээ гэв.
- Бур яг таарч байна шүү! Одоо бүх юм бид хоёрт тодорхой боллоо. Нэгэнт ногдсон хувь тавилангаа эдлэхээс өөр яах вэ гэж Лопака хашхирав.
Ингээд тэр хоёр уран барилгачныд очихоор явлаа. Уран барилгачин ч олон сайхан байшингийн бэлэн зураг ширээн дээрээ дэлгэж тавьсан байв.
- Та нэг ер бусын хийцтэй баншин эрж яваа хүн юмаа даа. Энэ ямар санагдаж байна? гэж хэлээд Кийвд нэг байшингийн зураг өгчээ.
Кийв тэр зургийг хармагц өөрийн эрхгүй дуу алдав.
Учир нь, түүний санаж явсан байшингийн зураг яг мөн байлаа.
«Би ямар ч л байсан энэ байшинтай холбогджээ. Энэ байшин надад муухан замаар ирлээ дээ. Гэхдээ одоо яах вэ, нэгэнт үүнтэй холбогдсон хойно, муу юмтай хамт бас сайн юм ирдэг жамтай» гэж Кийв боджээ.
Ингэж бодсоноо чухам ямар байшинтай болохыг хүсэж байгаагаа, доторх тавилга, чимэг, ханан дээр өлгөх зураг, ширээн дээр тавих элдэв чамин зүйлс зэргийн тухай ярьж захиалгаа өгч дараа нь энэ бүхнийг хийхэд ямар хөлс авах вэ хэмээн шууд асуув.
Уран барилгачин түүнээс чухам ямар байшинтай болохыг хүсэж байгааг нь мэдэхийн тулд баахан юм асууснаа, тооцоо бодож авах шан хөлсөө хэлэхэд, тэр нь Кийвийн нагац ахаасаа өвлөж авсан мөнгөтэй яг таарч байв.
Лопака Кийв хоёр өөд өөдөөсөө учиртайхан харж толгой дохицгоов.
Кийвийн бодсон нь: «Ямар ч байсан би байшинтай болох нь тодорхой боллоо. Чөтгөрөөс өгсөн байшин болохоор надад нэг их жаргал авчирч чадахгүй байх. Гэвч нэг юмыг би сайн мэдэж байна. Юу вэ гэвэл, энэ лонхтой байгаа цагт дахин юу ч хүсэхгүй. Харин энэ байшин миний мөрөн дээр нэгэнт тохиолдлоо. Муу юмтай цуг сайн юм ч ирж болно».
Ийнхүү бодсоноо уран барилгачинтай тохирч, гэрээнд хоёул гарын үсэг зурж амаар хэлснээ цаасан дээр бататгав. Удалгүй Кийв Лопака хоёр усан онгоцоор Австрали орохоор мордлоо. Учир нь тэр хоёр, уран барилгачин, лонх хоёр ямар байшин барьж, түүнийгээ яаж чимэх нь тэдний хэрэг, түүнд оролцох хэрэггүй хэмээн тохиролцжээ
Хот газар, нэлээд удаан хугацаагаар сайхан аялал хийжээ. Харин аяллын турш Кийв амьсгалахдаа хүртэл туйлын болгоомжтой байсан бөгөөд элдвийн хүсэл хэлчихгүй юмсан, чөтгөрийн тусыг гуйхгүй юмсан хэмээн үнэн голоосоо хичээж байв. Тохирсон цаг хугацаа нь ч өнгөрч тэр хоёр арал уруугаа буцлаа. Уран барилгачинтай уулзахад, захиалгат байшин бэлэн гэж хэлжээ. Кийв. Лопака хоёр «Холл» хэмээх усан онгоцонд сууж Конагийн хажуугаар хөвөхдөө холоос нөгөө байшинг харж, Кийвийн санаанд тохирч байна уу үгүй юу гэдгийг үзжээ.


Last edited by Surfer on Sep.10.17 1:08 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.10.17 1:08 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
II

Байшинг нь уулан дээр барьсан байх тул боомтод орж гарч буй усан онгоцноос харагдах ажээ. Дээшээ харвал, ой мод өндөр уул өөд мацан үргэлжилсээр борооны үүлэнд тулна; доошоо харвал, хар лав уруудсаар эгц хадан хясаа уруу гарын хуруунууд лугаа адил орсон байх бөгөөд тэнд эрт урьд цагийн хаад ноёдын шарил байх билээ. Байшинг нь тойруулан тарьсан цэцэрлэгт төрөл бүрийн цэцэг навч дэлгэрч, харсан хүний сэтгэлийг баясгана. Зүүн тийшээ харвал, дал модны цэцэрлэг, баруун тийшээ харвал талхны модны цэцэрлэг, эгц урагшаа харвал, усан онгоцны шон зоосон байх бөгөөд үзүүрт нь туг дэрвэж байлаа. Байшингийн тухайд гэвэл, гурван давхар өндөр, сэлүүхэн уудам өрөөнүүдтэй, эргэн тойрон тагттай бөгөөд ус шиг тунгалаг, өдөр шиг гэрэл гэгээ бүхий шилтэй цонхтой, өрөөнүүдэд янз бүрийн хийц бүхий тавилгатай, усан онгоц, тулалдаж буй хүмүүс, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүл, гайхамшигтай сайхан газрын зургуудыг алтан жаазанд суулгаж хананд нь өлгөсөн байлаа. Кийвийн гэрт нь байтаа зурагтай адил өнгө будаг нь зөв хосолсон, гэрэл гэгээ баяр баясгалан дүүрэн тийм зураг өөр хаана ч үгүй билээ. Өөр жижиг сажиг чамин зүйлсийн тухайд гэвэл, хөгжимтэй цаг, хөгжмийн хайрцаг, толгойгоо дохидог бяцхан баримлууд, төрөл бүрийн гоё зурагтай ном, дэлхийн бүх өнцөг булангаас ирүүлсэн буу зэвсэг, ганц бие хүнийг зугаацуулах туйлын нарийн бодож хийсэн оньсого тоглоом гэх зэрэг үнэхээр гайхамшигтай нарийн хийцтэй зүйлс байлаа. Тэгээд хэдийгээр ийм сайхан олон өрөөтэй боловч хүн зөвхөн байшин дотроо байгаад байвал уйдаж болох тул, гаднах тагтыг нь зориуд өргөн бөгөөд сэлүүхэн хийсэн нь хүсвэл бүхэл бүтэн хотыг түүн дээр нүүлгэн авчирч болох мэт санагдана. Кийв чухам аль талынх нь тагт илүү сайхан юм бэ, хуурай газрын намуухан сэрүүн салхинд зогсож, доор нь найгах элдвийн цэцэг навчийг харан нүд, сэтгэлээ баясгаж байх арын тагт уу, эсвэл далайн салхийг үнэрлэж «Холл» хэмээх усан онгоц Хукана арал, Пилийн уулс хоёрын хооронд долоон хоногт нэг удаа явж өнгөрөхийг, эсвэл арлаас түлээ мод, жимс ногоо авахаар эрэг дагуу нааш цааш сэлэх томхон завиудыг харан сууж болох урд тагт уу гэдгийг тодорхой хэлж чадахгүй байв.
Байшин доторхоо болон тагт дээрээ гарч эргэн тойрныг харж ханасан Кийв, Лопака хоёр ар талын тагтан дээр гарч салхинд суухаар шийдэв.
- Чиний хүсэж байсантай адил болж уу? гэж Лопака асуулаа.
- Үгээр дүрслэн хэлэхийн аргагүй. Миний зүүдэнд ч үзэгдээгүй тийм сайхан байшин байна. Ёстой бах ханана гэж энэ л байх даа гэж Кийв хэлэв,
- Гэхдээ нэг ярих юм байна. Энэ бүх юм уг ёсоороо болж бүтсэн байж магадгүй бөгөөд чөтгөр огт оролцоогүй байж болно шүү дээ. Хэрэв би наад лонхыг чинь худалдаж авсныхаа дараа хэчнээн хүсэвч томхон завьтай болохгүй юм бол надад дээд зэргийн зовлон тарчлал болно гэсэн үг. Би чамд амласан гэдгээ мэдэж байна. Гэхдээ наад лонхыг чинь дахин нэг удаа шалгая гэвэл чи дургүйцэхгүй байх гэж найдаж байна.
- Би дахин хэзээ ч энэ лонхноос юм гуйхгүй гэж ам тангаргаа өргөсөн. Тэртэй тэргүй одоо хүсдэгээ хүсэж, хохирдгоо хохирлоо гэж Кийв хэлсэнд,
- Үгүй ээ, би чамайг наадахаасаа юм хүс гэж байгаа юм биш. Харин наад лонх чинь чөтгөртэй юм бол тэр чөтгөрийг нь өөрийн нүдээр үзье гэсэн юм. Чөтгөрийг үзье гэж хүслээ гээд юу ч олдохгүй нь мэдээж тул айх, ичих зүйл байхгүй. Харин ч үнэхээр тэр чөтгөр нь гарч ирэх юм бол би энэ хэрэг явдлыг өдүүлсэндээ ичнэ. Тийм болохоор, чи миний хүслийг хангаж өг, чөтгөрийг надад үзүүлээдэх, тэгсний дараа би наад лонхыг чинь авъя, мөнгөө ч гартаа атгасан байна хэмээн Лопака өгүүлэв.
- Би ганцхан юмнаас л айж байна Чөтгөр үнэхээр ой гутам муухай дүр төрхтэй байвал, чи түүнийг хармагцаа энэ лонхыг надаас авах хүсэлгүй болж магадгүй.
- Би үгэндээ эзэн болно. За мөнгөө дундаа тавья.
- Маш сайн. Би ч гэсэн өөрөө чөтгөр ямар дүр төрхтэйг сонирхож байгааг нуух юун. Тэгэхлээр дотогшоо оръё. Аль вэ, Чөтгөр гуай, бид хоёрт харагдаач.
Ингэж хэлж амжив уу үгүй юу, чөтгөр лонхноос шагайж харагдав. Хөдлөх нь гүрвэл адил түргэн шаламгай. Кийв Лопака хоёр ч түүнийг хармагцаа сууж байсан газраа зогтусаж чулуу мэт болов. Харанхуй шөнө болсон хойно сая тэр хоёр дахин мэдээ орж, бодох, ярих сэхээтэй болсон бөгөөд Лопака мөнгөө өгч өнөөх лонхыг аваад,
- Би хэлсэн үгэндээ хүрлээ. Хэрэв би чамд ам өгөөгүй байсан бол энэ лонхонд лав хөлөөрөө ч хүрэхгүй байсан. За яах вэ, ямар ч байсан томхон завь, халаасандаа хэд гурван мөнгөтэй болсон хойноо энэ лонхноос түргэхэн салах минь. Үнэнийг хэлэхэд, наадахыг чинь хармагц миний зүрх сэтгэл айхтар уй гашууд автлаа гэв.
- Лопака минь, чи миний тухай битгий муу юм бодоорой. Одоо харанхуй шөнө болсон байна, зам муу, ийм оройн цагаар оршуулгын газрын хажуугаар явна гэдэг үнэхээр хүсэх юм биш гэдгийг би ойлгож байна. Гэвч, наад муухай чөтгөрийн чинь царайг харсан цагаасаа хойш би юм идэх, унтах, мөргөх аль алиныг нь наадах чинь миний нүднээс далд орсон цагт л хийж чадна гэдгийг ойлголоо. Би чамд дэнлүү, наад лонхыг чинь хийх сав, мөн миний байшингийн хананд өлгөөтэй байгаа сайхан зургуудаас аль чамд сайхан санагдсаныг нь өгье, чи харин эндээс л явж үз. Энэ шөнийг Нахинутай хамт Хукенад өнгөрөөж үз гэж Кийв гуйжээ.
- Кийв минь ээ. Ямар ч хүн чиний ингэж шөнө дөлийн цагаар зочноо хөөхөд хязгааргүй дургүйцэх нь тодорхой. Түүгээр ч барахгүй, би чамтай жинхэнэ найзын ёсоор харьцаж, хэлсэн үгэндээ хүрч, лонхыг чинь авлаа. Тэгээд ч оюун санаандаа ийм их нүгэл тээж яваа, гартаа ийм муухай лонх барьж яваа хүнд шөнийн харанхуй, оршуулгын газрын дэргэдүүр өнгөрөх зам арав дахин илүү аюул аймшгийг ёрлох нь мэдээжийн хэрэг. Гэлээ ч гэсэн би өөрөө ч гэсэн үнхэлцгээ хагартал айсан болохоор чамайг буруушааж чадахгүй байна. Би ингээд явъя даа. Харин чи энэ байшиндаа сайхан амьдрахыг, би сайхан завьтай болохыг хүсэж Бурханд мөргөе. Хамгийн гол нь хэдийгээр энэ лонхонд чөтгөр байгаа ч гэсэн бид хоёр хоёулаа энэ ертөнцөөс халиад, диваажинд очихыг залбиран хүсье.
Ингэж хэлээд Лопака тэднийхээс гарлаа. Кийв урд тагтан дээрээ гарч зогсов. Морин төвөргөөн сонстож, дэнлүүний гэрэл улам улам холдсоор оршуулгын газар болох хадан ханан дахь агуйнуудын дэргэдүүр өнгөрөх нь харагдав. Тийнхүү зогсож байхдаа тувт дагжин чичирч, гараа чанга чанга атгаж, найзынхаа араас мөргөн залбирч, өөрөө ийм аймшигт сорилоос хэлтэрсэндээ Бурхан тэнгэрт талархаж байлаа.
Гэвч маргааш нь цэлмэг тэнгэртэй, хурц нартай сайхан өдөр болж, шинэхэн байшингаа харахад үнэхээр санаа сэтгэл баясах учир өнөөх урьд шөнө айж сандарснаа мартжээ. Өдөр хоног ар араасаа цувран өнгөрч Кийв ч үргэлжийн баяр баясгалантай амьдарч байв. Кийв голдуу ар тагтан дээрээ суудаг болжээ. Тэндээ хоолоо идэж, Хонолулугийн сонинд хэвлэгдсэн элдвийн түүхийг уншдаг байв. Тэгэхдээ байшингийнх нь дэргэдүүр өнгөрсөн хүн бүрийг урьж, өрөө тасалгаа, хананд өлгөөтэй зураг тэргүүтнээ үзүүлдэг байлаа. Удалгүй байшингийнх нь тухай цуу хол тарж Кона даяар Ка Хейл Нүй буюу Их Байшин гэж алдаршсан байлаа. Гэвч зарим хүн тэр байшинг нь Гэрэлт Байшин хэмээн өргөмжлөх ажээ. Тэгдгийн учир гэвэл, Кийв нэг хятад зарцтай байсан бөгөөд зарц нь өдөржингөө борви бохисхийлгүй гэр орны ажил хийж, үргэлж л тоос шороо арчин, байшин доторх шил болон бусад гоё чамин зүйлс, зургийг бараг л цоорохоос наагуур зүлгэх тул ямагт гялалзаж гэрэл туяа ойлгож байх нь тунгалаг өглөөг санагдуулна. Кийвийн тухайд гэвэл, өрөөнөөс өрөөнд сэлгүүцэн явахдаа өөрийн эрхгүй баясан дуулж, зүрх сэтгэл нь уужран тавигдах ажээ. Дэргэдүүр нь усан онгоц хөвөн өнгөрөхөд тэдгээрийн далбааны шонг төрөл бүрийн өнгийн гэрлээр гэрэлтүүлж чадах мэт болжээ.
Тэгж байгаад нэг өдөр Кийв найзуудынхаараа орохоор бүр Кайлуа хүрчээ. Найзууд нь ч түүнийг бөөн баяр хөөр болцгоон угтаж, дайлахын дээдээр дайлж, Кийв найз нарындаа бүтэн нэг өдөр саатан зочилж маргааш өглөө нь гэрээдээ яарч, мориндоо ташуур өгч явав. Учир нь, юуны түрүүн, бүтэн нэг өдөр хараагүй гоё сайхан байшингаа харахыг бодож, хоёрдугаарт, энэ шөнө урьд өмнө энэ ертөнцөөс хальсан үхэгсэд булшнаасаа гарч Коиагаар хэрэн хэсдэг шөнө байжээ. Нэгэнт чөтгөртэй тааралдаж үзсэн болохоор үхэгсэдтэй тааралдана гэхээс туйлын их айж, сэжиглэж байв. Хонаунаугаас ялимгүй цаахна, нэг эмэгтэй далайн усанд орж байхыг алсаас харав. Удалгүй тэр эмэгтэй цагаан цамцаа өмсөхөд салхи цамцаар нь наадан дэрвэгнүүлж, удалгүй улаан өмдөө өмсөх нь харагдав. Дэргэд нь яваад очтол эмэгтэй бүх хувцас хунараа өмсчхөөд байсан бөгөөд замын дэргэд зогсож байлаа. Усанд ороод гарч ирсэн байх тул нүүр царай нь цэвэрхэн, бие галбир нь улам эрүүл чийрэг харагдах бөгөөд нүдэнд нь цог бадарч, бүхий л байдал нь туйлын боловсон гэдгийг нь харуулах аж. Кийв түүнийг олж хармагцаа өөрийн эрхгүй мориныхоо амыг татан зогсоод,
- Би энэ хавийн бүх хүмүүсийг мэднэ гэж боддог байсан юм. Гэтэл яагаад чамайг мэддэггүй билээ? гэв.
- Миний нэр Кокуа. Аавыг минь Киано гэдэг. Би саяхан Оахугаас ирсэн юм. Ингэхэд та өөрөө хэн бэ?
Кийв мориноосоо буугаад,
- Хэн болохоо чамд удахгүй хэлнэ. Гэхдээ одоо биш шүү. Учир нь надад нэг санаа байгаа юм. Би чамд нэрээ хэлчихвэл, чи миний нэрийг сонссон байж магадгүй тул миний асуултад үнэн зөв хариулахгүй байж мэднэ. Гэхдээ юуны түрүүн надад нэг юм хэлээдэх. Чи хүнтэй суусан уу? гэв.
Ингэж хэлэхийг нь сонсмогцоо Кокуа тас тас хөхрөв.
- Та л ганцаараа асуух ёстой юм уу? Та өөрөө хүнтэй суусан уу?
- Кокуа минь, би үнэндээ гэрлээгүй. Энэ мөч хүртэл тийм юмны тухай боддог ч үгүй байлаа. Гэвч чамд чин үнэнээ хэлье. Энэ замын дэргэд чамтай тааралдаж, чиний од шиг нүдийг хараад, миний зүрх шувуу мэт чам уруу тэмүүлж нисэв. Тэгэхлээр чи, би чамд огтхон ч таалагдахгүй байвал шууд хэл, би энэ замаараа цааш яваад өгье, харин бусад залуучуудаас дутахааргүй санагдаж байвал бас шууд хэлчих, тэгвэл би энэ замаасаа эргэж танай эцгийнд очиж нэг хоноод маргааш өглөө тэр сайн хүнтэй чухал юм ярина.
Кокуа хариуд нь ганц ч үг хариулаагүй боловч далай уруу харж инээв.
- Кокуа минь, чи хариулахын оронд дуугүй байя гэж бодож байгаа бол түүнийг чинь сайн хариу хэмээн хүлээн авч чамтай хамт эцгийнд чинь очихоор явъя гэж шийдлээ.
Ингээд эмэгтэй өмнө нь орж, Кийв араас нь дагаж явлаа. Эмэгтэй ганц ч үг дуугараагүй бөгөөд харин үе үе эргэн харж, байсан бөгөөд малгайныхаа бүчийг амандаа зуусан байв.
Тэр хоёр тэдний гадаа явж очтол Киано өөрөө довжоон дээрээ гарч ирж Кийвийг үзмэгцээ нэрээр нь дуудаж мэндчилэв. Үүнийг дуулмагцаа бүсгүй гайхан эргэж харав. Учир нь Их Байшингийн тухай сураг чимээ хэдийн түүний сонорт хүрсэн байсан бөгөөд хүслийнх нь туйл байсныг хэлэх юун. Тэр оройжингоо тэд бие биедээ туйлын эелдэг сайхан хандаж, эмэгтэй эцэг эхийнхээ дэргэд байсан учраас нэлээн зориг орж Кийв уруу үе үе сонжиж буй мэт харц чулуудаж байв. Маргааш нь Кийв Кианотой хэдэн үг сольж, дараа нь бүсгүйтэй хоёулхнаа үлджээ.
- Кокуа минь, чи өчигдөр оройжингоо намайг сайн шинжлээ. Намайг яв хэмээн хэлэх эрх чамд байна. Би чамд хэн болохоо зориуд хэлээгүй юм. Би сайхан байшинтай хүн болохоор чи миний байшингийн тухай хэтэрхий их бодож, чамд хайртай миний тухай хэтэрхий бага бодох бий хэмээн айсандаа тэр. Харин одоо чи бүгдийг мэдэж байна. Хэрэв чи намайг дахин хармааргүй байна гэвэл шууд л хэлчих.
- Үгүй гэж хэлэхдээ Кокуа инээгээгүй бөгөөд Кийв ч түүнээс өөр элдвийн юм асуусангүй.
Ингэж Кийв сүй тавьжээ. Хэрэг явдал ч түргэн бүтэх шинжтэй. Нэгэнт харвасан сум, бууны амнаас гарсан сум эгц шулуун ниссэн тул яах аргагүй байны голд тусах нь эргэлзээгүй мэт. Хэрэг явдал түргэний зэрэгцээгээр бас нэлээд хол явчихсан байлаа. Кийвд төрсөн бодол бүсгүйн толгойд төрөв. Түүний дууг лавын царцсан давлагааны нэг хонхорт дуугарахыг сонссон бөгөөд хэдийгээр түүнийг хоёрхон удаа харсан боловч энэ залууг дагахын тулд эцэг эх болон төрөлх арлаа Орхин явахад бэлэн байлаа. Кийвийн тухайд гэвэл, оршуулгын газар болох эгц хадан хананы агуйнуудын доогуур зурайх замаар морь нь далавчтай юм шиг салхи татуулан давхиж, морины нь туурайн төвөргөөн, баяр баясгаланд автан дуулж буй Кийвийн дуу нь талийгаачдын булшин дээгүүр цуурайтан эргэлдэнэ. Гэрэлт байшиндаа иртлээ дуугаа дуулж байв. Өргөн уудам тагт дээрээ ширээгээ засуулж хоол ундаа зооглохдоо ч дуулж байсан бөгөөд хятад зарц нь эзнийхээ ам дүүрэн хоолтой мөртлөө дуулахыг нь сонсож их л гайхаж байв. Нар доошилсоор далайн цаагуур орж жаргав, шөнө нөмрөн ирэв. Кийв тагтан дээрээ дэнлүүний гэрэлд дуулан цааш нааш холхиж, дуу нь уулан дээр барьсан байшингаас нь зүг зүг цуурайтаж далайд, усан онгоцоор яваа хүмүүс тэр дууг сонсож гайхацгаана.
«Одоо энэ өдөр баншиндаа сууж байгаа надаас илүү жаргалтай хүн энэ дэлхий дээр байхгүй. Уулын оройд байшинтай би амьдралын оргилд хүрчээ. Миний эргэн тойрон буй бүх юмс өөдлөн дээдлэх бус харин доройтож байна. Өнөөдөр өрөөнүүдийнхээ гэрэл гэгээг анхны удаа асааж, гоёхон онгоцондоо халуун, хүйтэн аль аль усыг нь тааруулан дүүргэж ороод амьдралын ханьтайгаа орох өрөөндөө ор засаж унтдаг хэрэг» гэж Кийв бодсон ажээ.
Ийнхүү хятад зарц эзнээсээ тушаал авч, унтаж байснаа босоод зуухаа асааж, халуун ус буцалгах савныхаа дэргэд цааш нааш холхиж байхдаа гэрэл чийдэнг нь асаасан дээд өрөөндөө эзэн нь дуулан цэнгэж байгааг сонсож байв. Ус халмагц хятад зарц эзнээ дуудаж, Кийв угаалгын өрөөндөө орж, гантигаар хийсэн усан онгоцондоо ус гоожуулж дүүргэхдээ дуулсаар байгааг сонсож байсан билээ. Гэтэл хувцсаа тайлахдаа дуу нь тасалдах шиг болж, тэгснээ бүр ямар ч дуу гарахаа больчхов. Хятад зарц нь чих тавин дуу гарах нь уу хэмээн сонсох боловч нам гүм байсан тул эзэндээ дуу өгч, туслах хэрэгтэй үгүйг мэдэхэд, Кийв «Үгүй» гэжээ. Тэгээд түүнийг явж унтаж амар гэж хэлсэн бөгөөд дахин тэр шөнө Гэрэлт Байшинд дуу дуулах сонстсонгүй. Харин шөнийн турш эзэн нь тувт тагтан дээрээ цааш нааш холхисоор өнгөрүүлэхийг хятад зарц сонсжээ.
Одоо чухам ямар учраас тэгж дуу тасарсныг чин үнэнээр ярихад ийм байна. Кийв хувцсаа тайлж эхэлмэгцээ бие дээр нь нэг юм туурсан байхыг олж хараад дуулахаа больжээ. Тэр туурсан юм хадны хагтай тун адил санагдсан бөгөөд чухам ямар өвчин ийм маягаар илэрдгийг мэддэг байжээ. Ингээд Хятадын нүгэл хэмээх өвчин хүрснээ ойлгожээ.
Үнэнийг хэлэхэд, хүн энэ муухай өвчин хүрнэ гэдэг бол туйлын эмгэнэлт явдал тохиолдохтой адил байжээ. Ийм үзэсгэлэнт сайхан байшин юугаан, мөн аварга том хадан хясаа, далай хоёрын дунд оршдог Молокай хэмээх далайн хойд эрэг дээр оршин суудаг найз нөхдөө орхин энэ ертөнцөөс халина гэдэг ямар ч хүнд туйлын уйтгартай зүйл болох нь эргэлзээгүй. Гэтэл Кийвийн хувьд бол энэ нь бүр ч их гунигтай, эмгэнэлт явдал биш гэж үү? Дөнгөж өчигдөр амьдралынхаа ханийг олж, дөнгөж өнөөдөр өглөө сэтгэлийг нь татсан байтал одоо болохоор бүх хүсэл мөрөөдөл нь нүд ирмэх зуур шил лүгээ адил хагарч бутран үйрэхийг харахад юун сайхан байхав дээ.
Нэг хэсэг усны онгоцны ирмэг дээр бодлогошрон суув. Тэгснээ муухай чарлан босон харайж, тэр чигээрээ гүйж гарав. Тэгээд өргөн уудам тагтан дээрээ нэг ийшээ, нэг тийшээ гүйж цөхрөнгөө алдан яахаа ч мэдэхгүй байлаа
«Яах вэ, хэрэг гарвал, би эцэг өвгөдийн минь нутаг болох Хавайн арлуудаас яваад өгөхдөө төдий л их гуньж гутрахгүй. Уулын оройд боссон, олон цонхтой, гэрэл гэгээтэй байшингаа орхиж явах хэрэг гарвал, салж хагацаж ядалгүй, амархан яваад өгнө. Уулын эгц хадан хананы дэргэдэх Молокай, Калаупапад очиж, халдварт өвчин туссан хүмүүстэй цуг амьдар гэвэл огт айхгүй очих бөгөөд эцэг өвгөдийн маань эх нутгаас хол орших тэр газар хэд ч хоносон буцахгүй. Гэвч би ямар буруу юм хийсэн гэж, миний санаа сэтгэлд ямар нүгэл байна гэж тэр үдэш далайн уснаас гарч ирсэн ариухан сайхан Кокуатай уулзаж учрах ёстой байсан юм бэ? Хүний сэтгэл булаасан, миний амьдралын гэрэл гэгээ болсон Кокуатай яагаад уулзаж учрах ёстой байсан юм бэ? Одоо тэгэхлээр би түүнтэйгээ ижилсэн ханилж чадахгүй нь байна шүү дээ, дахин түүнийгээ харж баясаж чадахгүй нь байна даа. энхрийлэн тэвэрч чадахгүй нь байна шүү дээ. Чухам тийм учраас л харамсаж, уйдан гашуудаж байна шүү дээ!» гэж Кийв халаглан бодлоо.
Ингэж байснаа гэнэт маргааш «Холл» усан онгоц Хонолулу уруу эргэж явах замдаа үүгээр дайрч өнгөрнө гэдгийг санав.
«Юуны түрүүнд тийшээ л явъя. Тэгээд Лопакаг олж уулзъя. Учир нь, одоо миний ганц найдах зүйл бол туйлын баяртайгаар салсан нөгөө лонхоо эгүүлэн олж авах байна» гэж боджээ.
Кийв чухам ямар хүн байсныг бид эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэр Гэрэлт Байшиндаа олон жилийн турш энх тунх, зол жаргалтай амьдарч болно, түүний өвчний тухай хэн ч мэдэхгүй байж болно. Гэвч хэрэв Кокуагаа л алдах юм бол, энэ амьдралд буй бүх юм түүнд үнэ цэнээ алдах ажээ. Цаашилбал, Кийв сүй тавьсан ёсоороо, Кокуатай ханилан сууж болох байлаа. Тэгж ч олон хүн нүгэл үйлддэг, яагаад гэвэл тэр хүмүүс хүнлэг бус, харин гахай шиг сэтгэлтэй байдаг. Гэвч Кийв тэр бүсгүйг үнэнхүү хүний хайраар хайрлах учир түүнд өчүүхэн ч хор хүргэх, бие сэтгэлд нь аливаа аюул занал учруулахаас айж болгоомжилно.
Тэгээд шөнийн манан дундаас ялимгүй тодорч ухаан санаанд нь нөгөө лонхны дүрс буужээ. Арын тагтан дээрээ гараад чөтгөр лонхон дотроосоо гарч ирсэн тэр өдрийг дурсан санамагцаа хамаг биеэрээ дагжин чичирч нуруун дээгүүр нь хүйтэн мэсээр зурсан мэт эвгүй болжээ.
«Тэр лонх муухай эд дээ. Чөтгөр нь ч гэсэн туйлын муухай амьтан, Тэгээд бас тамын галд шатна гэдэг бүр ч муухай хэрэг. Гэвч Кокуатайгаа суухын тулд энэ муухай өвчнөөсөө өөр ямар аргаар салах вэ дээ? Байшинтай болохын тулд чөтгөртэй халз тулж улаан нүүрээрээ учрахаас айгаагүй мөртлөө одоо болохоор Кокуатайгаа хамт амьдрахын төлөө түүнтэй дахин учрахаас айна гэж үү?» хэмээн Кийв бас бодов.


Top
   
PostPosted: Sep.10.17 1:09 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
III

Нойр нь бүрмөсөн хулжиж хоол хоолойг нь давахгүй байлаа. Гэвч Кианод захиа явуулж, усан онгоцны ирэх цаг болоход мориндоо мордож нөгөө оршуулгын газрын дэргэдүүр уруудан давхив. Бороо асгана. Морь нь эцэж ядарсан уу гэлтэй арай ядан хөлөө зөөж тавина. Дээшээ үхэгсдийг оршуулсан харанхуй агуйнууд уруу харав. Тэнд элдвийн зовлонгоос ангижран тавтай нойрсож буй талийгаачдад атаархах сэтгэл төрөв. Дөнгөж өчигдөрхөн энүүгээр юутай баяр хөөртэйгөөр давхин өнгөрч байснаа санаж аргагүйн эрхэнд амьдралын хувирамтгайд гайхах сэтгэл төрнө. Ингэсээр Хукеннад очвол, тэнд усан онгоц ирэхийг хүлээсэн олон хүн овоорч байв. Тэд агуулахын нөмөрт толгой хоргодон сууж, элдвийн инээдтэй юм ярьж, сонин сайхан дэлгэх ажээ. Кийвд яриа дэлгэх өчүүхэн ч хүсэл байгаагүй учир тэдний дунд суугаад гагцхүү борооны ус байшингуудын дээвэр дээр буухыг сонсож хадан эргийг мөргөх далайн давлагааг харан өөрийн эрхгүй шүүрс алдаж байлаа.
Тэнд сууж байсан зон олон нэг нэгэндээ:
- Гэрэлт Байшингийн Кийв яасан уйтгартай байх юм? гэж хэлнэ.
Нээрэн их уйтгартай бөгөөд бяцхан гайхаж шаналсан харагдана.
Удалгүй «Холл» онгоц ч ирж, халимны анд гардаг завь хүмүүсийг суулган усан онгоцонд хүргэж өгөв. Онгоцны арын хэсэгт галт уул үзэхээр яваа цагаан арьстангууд буюу Хайолууд пиг дүүрэн бөгөөд дунд хэсэгт Канаканууд сууж, урд хэсэгт Хайологийн зэрлэг бух, Каугийн морьдыг ачжээ. Гэвч Кийв бусдаас зайдуухан газар олж суугаад уйтгарлан шаналж, Кианогийн байшинг олж харах гэж хайв. Тэртээ алсад, уулын бэлд хар хадан дээр Кианогийн байшин байх ажээ. Дал модны далбагар навчсын сүүдэрт нуугдах бөгөөд үүднийх нь дэргэд бяцхан цохноос томгүйхэн харагдах улаан өмд өмссөн бүсгүй, гэр орны ажлаа амжуулж буй бололтой цааш нааш хөлхөх ажээ.
- Зүрх сэтгэлийн минь хатан чи сонс! Би чинийхээ төлөө сэтгэлээ золиосонд гаргахаар явлаа! гэж Кийв хашхирав.
Удалгүй харанхуй нөмөрч, шөнө болов. Усан онгоцны өрөөнүүдэд чийдэн асжээ. Хэйолууд байсан газраа тухлан сууж, хөзөр тоглож, виски архи ууж эхлэв. Гэвч Кийв онгоцны тавцан дээр шөнөжингөө, үүр цайтал, үүр цайхаас дахин шөнө болтол цааш нааш холхив. Мауи, Молокай зэрэг арлуудын дэргэдүүр усан онгоц нь утаа татуулан хөвж өнгөрөхөд ч гэсэн цааш наашаа алхсаар л байлаа. Түүнийг харахад торонд орсон зэрлэг амьтан санагдах ажээ.
Үдэш болоход тэд Дамонд хэмээх арлын хажуугаар өнгөрч, Хонолулуд ойртож ирэв. Кийв зон олноос салж, юуны түрүүнд Лопакагийн сургийг гаргах гэж хүн бүрээс асуулаа. Сургийг нь гаргавал, Лопака хосгүй сайхан том завьтай болж, адал явдал, ажил хэргээр Пола-Пола юм уу, эсвэл Кахики уруу явсан ажээ. Тийм учраас Лопакагаас туслалцаа гуйна гэдэг худал болсныг ойлгов. Кийв, Лопакагийн найз хуульч энэ хотод суудгийг санав. Түүний нэрийг би уншигч авгай нарт хэлж чадахгүй. Ингээд түүнийг асуув. Тэр хуульч гэнэт тамтаггүй баяжиж, Вайкики эрэг дээр маш сайхан байшинтай болсон ажээ. Үүнийг сонсмогцоо Кийв нэгийг санаж, шалавхан морин тэрэг хөлслөөд, хуульчийнхыг чиглэн явав.
Үнэхээр ч байшин нь цоо шинэ байсан бөгөөд цэцэрлэгийн моднууд нь таягнаас өндөргүй хөөрхөн байлаа. Хуульч амьдралдаа туйлын их сэтгэл нь ханасан хүний байдалтай байх ажээ.
- Та надаас ямар туслалцаа авах гэсэн юм бэ? гэж хуульч асуув,
- Га Лопакагийн найз гэдгийг би мэднэ. Лопака надаас нэг юм худалдаж авсан юм. Та тэр юмны мөрийг гаргаж тусална уу? гэж Кийв хариуд нь хэлжээ.
Хуульчийн царай барсхийгээд явчихлаа.
- Кийв гуай, таныг огт ойлгоогүй дүр үзүүлж болох боловч би тэгэхгүй. Гэхдээ тэр муухай юмтай холбогдох хүсэл алга. Үнэнийг хэлэхэд, би тэр юмны тухай юу ч мэдэхгүй, харин нэг таамаглал байна. Та хотын нэг хэсэгт очвол сургийг нь гаргаж болох болов уу.
Тэгээд нэг хүний нэрийг хэлжээ. Дахиад би тэр хүний нэрийг хэлэх эрхгүй гэдгээ мэдэгдье. Кийв лонхныхоо сургийг гаргах гэж явсаар байтал хэдэн хоног өнгөрчээ. Хүнээс хүн дамжсаар очсон газар болгон нь шинэ хувцас хунар, шинэ тэрэг хөсөг, шинэ байшин барилга байх бөгөөд уулзсан хүн болгон нь амьдралдаа үнэхээр сэтгэл хангалуун харагдах ажээ. Гэвч чухам ямар хэргээр яваагаа хэлмэгц тэр хүмүүсийн царай нь хувьсхийн дүнсийх ажээ.
«Ямар ч байсан би зөв замаар явж байна даа. Энэ шинэ хувцас, тэрэг хөсөг бол цугаараа бяцхан чөтгөрийн бэлэг болж таарна. Энэ хүмүүсийн баяр баясгалан дүүрэн нүүр царай ч гэсэн хүссэнээ хүртэж, хараалт лонхноос амжиж салсан хүмүүсийн нүүр царай мөн. Харин цонхигор царайтай, үргэлж шүүрс алдсан хүнтэй тааралдвал миний хайж буй лонх тун ойрхон байна гэсэн үг болно» гэж Кийв бодож явлаа.
Тэгж явсаар эцсийн эцэст Британниа гудамжинд суудаг нэг Хэйоллоос асуувал мэдэх болов уу гэсэн хариу авчээ. Оройн хоолны цагаар тэр заасан хаягаар явж очвол, нөгөө л шинэ байшин, шинэхэн цэцэрлэг үзэгдэх бөгөөд цонх нь гэрэлтэй байхыг бодвол чийдэнтэй ажээ. Гэвч байшингийн эзэн гарч ирмэгц Кийв зорьсон хэрэг нь бүтэв бололтой хэмээн баярлаж, айх зэрэгцэв. Учир нь хүүр шиг зэвхий царайтай, нүд нь хөхөрч, үс нь даахиран өрвийсөн, юу юугүй цаазын тавцан дээр гарах гэж байгаа хүн шиг туйлын гаслан зовлонд автсан эр зогсож байв.
«За хөө, энд л байх нь дээ. Ийм хүнтэй шууд л ярих хэрэгтэй. Элдвийн юм тойруулж яриад юу хийх вэ» гэж Кийв бодоод,
- Би чамаас лонх худалдаж авахаар ирлээ хэмээн шууд хэллээ.
Ингэж хэлэхийг нь сонсмогцоо залуу хана налав. Тэгээд
- Лонх гэнэ ээ, Лонх авахаары? гэж амьсгаадан асуув.
Тэгснээ гэнэт сэхээ орсон мэт Кийвийн гараас тас зуурч, гэртээ оруулаад хоёр хундаганд жимсний дарс хийв.
- Таныг хүндэтгэж байгаагаа илэрхийлье. (Арга ч үгүй юм даа. Кийв Хэйолуудын тухай үргэлж сайн санаж явдаг байжээ). Нээрэн шүү. Би лонхыг чинь худалдаж авахаар ирлээ. Одоо хэдээр зарах вэ? гэж Кийв асуулаа.
Ингэж хэлэхийг сонсмогцоо залуу өөрийн эрхгүй хундагаа алдаж, Кийвийг чөтгөр мэт цоо ширтэв.
Залуугийн асуусан нь:
- Хэдээр вэ гэнэ ээ? Та хэдээр гэдгийг нь дуулаагүй гэж үү?
- Чухам үүнийг л мэдэхийг хүсэж байна. Гэтэл та юунд ингэж их сандарна вэ? Юу болчихсон бэ?
- Кийв гуай минь, таны энэ лонхтой байсан цагаас хойш үнэ нь их буусан даа гэж залуу ээрэн хариуллаа.
- Сайн л биз дээ, би л бага мөнгө төлж байвал боллоо. Чи хэдээр худалдаж авсан юм бэ? гэж Кийв асуув.
Залуу цаас шиг хувхай цайгаад,
- Хоёр цент гэв.
Кийв дуу алдан,
- Юу! Хоёр цент ий? Энэ чинь юу гэсэн үг болж байна? Чи наадахаа ганцхан центээр зарна гэсэн үг үү? Тэгээд чамаас ганц центээр худалдаж авсан хүн цааш нь... гээд үг нь уруулыг нь давж гарч ирсэнгүй.
Одоо энэ лонхыг худалдаж авсан хүн хэзээ ч түүнийг дахин зарж чадахгүй болох бөгөөд энэ лонх, лонхонд байгаа чөтгөртэй цуг насан турш явсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд нь лонх, чөтгөр хоёр тэр хүнийг шууд тамын улаан галд аваачих нь илэрхий.
Британниа гудамжны залуу Кийвийн өмнө өвдөг сөхөрч, цөхрөнгөө барсан дуугаар хашхиран хэлсэн нь:
- Бурхны нэрийг барьж гуйя. Энэ лонхыг надаас худалдаж ав! Надад одоо юу ч хэрэггүй, энэ бүх баялаг огт хэрэггүй! Энэ лонхыг хоёр центээр худалдаж авахдаа би үнэхээр элий балай амьтан явснаа ойлголоо. Тэр үед би дэлгүүрийнхээ мөнгийг үрэн таран хийчихсэн байсан юм. Шоронд л орох үлдээд байсан хүн дээ. Тийм болохоор энэ лонхыг авахаас өөр ямар ч арга байгаагүй.
- Ишш чааваас даа, хөөрхий амьтан. Зүрх сэтгэлээ ингэж айхтар сорино гэж бас байдаг аа. Тэгээд өөрийнхөө хийсэн тоогүй явдлын шударга шийтгэлээс зугтахын төлөө шүү. Гэхдээ би хайр сэтгэлийнхээ өмнө эргэлзэж тээнэгэлзэхгүй. Надад наад лонхоо өгчих, хариулт мөнгөө хэзээний бэлдчихсэн байгаа биз дээ. Май, таван центийн зоос.
Нээрэн л Кийвийн таамагласан ёсоор залуу, хариулт мөнгөө хэзээний бэлдээд шүүгээнийхээ нүдэнд хийсэн байлаа. Ингээд лонх нэг хүний гараас нөгөө хүний гарт шилжив. Кийв тэр лонхны хүзүүнээс барив уу, үгүй юү эрүүл саруул хүн болохыг хүсэв. Эргэж гэртээ яаран ирж, өрөөндөө ормогц толиныхоо өмнө очиж, шалавхан хувцсаа тайлж харвал өнөөх өвчин нь арилсан бөгөөд бие нь хүүхдийнх шиг зөөлөн булбарай болжээ. Гэвч тэр даруй өөр нэг сонин өөрчлөлт болжээ. Лонхны үйлдсэн ид шидийг харж амжив уу, үгүй юү санаа сэтгэл нь эргэн хувирч, одоо тэр муухай хятад нүгэл хэмээх өвчний тухай огт бодохоо больж, Кокуагийнхаа тухай ч гэсэн бага бодох болжээ. Харин түүний толгойд ганцхан бодол л эргэлдэнэ. Насан турш лонхны чөтгөртэй салшгүй холбогдож, үхэхдээ тамын галд үргэлж шатаж байх нүүрс болсноо бодох болжээ. Хэрхэн шатахаа санаандаа сэтгэн бодож, хамаг сэтгэл нь айхтар донсолж, гэрэл гэгээг харанхуй халах шиг болов.
Эргэж ухаан санаа нь эрүүл болоход харвал, зочид буудалд дагшаа найрал хөгжим тоглодог шөнийн цаг болсныг ойлгов. Ганцаараа байхаасаа айх учраас тийшээ явлаа. Тэгээд тэнд баяр баясгалантай хүмүүстэй, холилдон нааш цааш явж, хөгжмийн ая нэг дээш цойлон, нэг доош намдан байхыг сонсож явлаа. Тэр оройжингоо Кийвийн чихэнд тас няс хийн асаж буй галын дуу сонстож, нүдэнд нь ёроолгүй саванд дүрэлзэн асаж буй гал харагдаж байв. Гэтэл гэнэт нөгөө дагшаа найрал хөгжим, «Хикиаоао» дууны аяыг тоглов. Энэ дууг Кокуатай хоёулхнаа байхдаа дуулснаа санаад дууны аяыг сонсох тусам цээжинд нь урам зориг бадрав.
«Айвал бүү хий, хийвэл бүү ай гэж ярьдаг. Нэгэнт хийсэн хойно, одоо элдвээр шаналж сэтгэлээ зовоогоод яах вэ. Сайнтай цуг муу юм ирдэг хойно, хоёуланг нь л амсахаас биш».
Ингэж бодоод тайвширчээ. Тэгээд хамгийн эхний усан онгоцоор Хавайн арлууд дээрээ ирж, удалгүй Кокуатай хурим хийж, эхнэрээ уулан дээр сүндэрлэн боссон Гэрэлт Байшиндаа авчрав.
Хоёулаа цуг байхад Кийвийн санаа сэтгэл амгалан тайван байдаг мөртлөө ганцаараа үлдмэгц айж сандрах нь ихсэж, чихэнд нь тас няс хийн асаж буй галын дуу сонстож, нүдэнд нь ёроолгүй саванд дүрэлзэн буй гал харагдаж байлаа. Бүсгүйн тухайд бол, хөөрхий тэр амьтан бүхий л сэтгэл юугаан эр нөхөртөө өгчээ. Түүнийгээ хармагц зүрх сэтгэл нь хөөрөн баясаж, гараас нь барих дуртай байсан бөгөөд одоо бүсгүй үснээсээ авахуулаад хөлийнхөө хурууны хумсыг хүртэл туйлын чамин сайхнаар засаж янзалж, дээд зэргийн хийцтэй гоё хувцас өмссөн байх тул хэн ч хараад баярлах ажээ. Эмэгтэй угийн ааш зан сайтай бүсгүй байжээ. Амнаас нь гарах үг болгон сайхан, Гэрэлт Байшиндаа үргэлж дуулан баясаж цааш нааш явдаг ажээ. Энэхүү гурван давхар байшинд хамгийн их гэрэл гэгээ цацраасан нь бүсгүй байсан бөгөөд, дуулахыг нь сонсвол гургалдай лугаа зүйрлэмээр. Кийв ч эхнэрээ харахдаа нүд баясан сэтгэл сэргэх мөртлөө, эхнэрээ ямар үнээр олсон бэ гэж бодох бүрнээ айн чичирч, гашуудан уйлж, ёстой л наашаа харж инээж, цаашаа харж уйлах гээч болж байлаа. Гэвч нүднийхээ нулимсыг арчиж, нүүрээ угаачхаад эхнэртэйгээ хоёулаа өргөн тагтан дээрээ гарч сууж, дуулахад нь даган дуулж, өөр уруу нь харж инээхэд нь сэтгэлд нь уйтгар байх боловч хариу инээх ажээ.
Удалгүй бүсгүй хөл хүндтэй болж, дуулах нь багасав. Урьд ганцхан Кийв л уйлж гашуудан суудаг байсан бол одоо хоёулаа тус тусдаа хоёр эсрэг тагтан дээр ганц ганцаараа сууж уйлдаг болжээ. Кийв уй гашуудаа туйлын их автаад байсан учраас эхнэрийнх нь бие галбир, санаа сэтгэл өөрчлөгдсөнийг огтхон ч анзаарсангүй. Харин ч ганцаараа сууж, хувь тавилангийнхаа тухай бодож суух цаг ихсэв, зүрх сэтгэл шаналж байгаа боловч нүүрэн дээрээ инээж явах хэрэггүй болов хэмээн дотроо баярлаж байжээ. Гэтэл нэг өдөр гэртээ чимээгүйхэн явж байгаад гэнэт нэг хүүхдийн эхэр татан уйлах дууг сонсоод яаран очвол, тэнд Кокуа шал дэрлэн хэвтчихсэн ийш тийшээ өнхрөн учиргүй уйлж байлаа.
- Кокуа минь, чи манай гэрийн чимэг нь болж байна. Би чамайгаа жаргаахын тулд толгойгоо өгөхөд бэлэн байна шүү гэж Кийв өгүүлсэнд,
- Жаргаах гэнэ ээ! Кийв минь, чи энэ Гэрэлт Байшиндаа ганцаараа сууж байхдаа үргэлж инээж, баяр баясгалантай явдаг байсан болохоор жинхэнэ жаргалтай хүн гэж хүмүүс чиний тухай ярьдаг байсан. Чи үргэлж дуулж, нүүр царай чинь мандах нар шиг гэрэл гэгээ түгээж байсан. Гэтэл чи хөөрхий муу Кокуатай хурим хийснээс хойш ганц ч удаа инээсэнгүй. Надад юу дутаад байгааг чухам Бурхан л мэднэ биз ээ. Ёох, ёох. Би өөрийгөө сайхаи бүсгүй гэж бодож явсан, би хуучин Кийвд үнэн сэтгэлээсээ хайртай байсан. Үгүй ээ, юу боллоо гэж би энэ муухай гашуун үгийг эр нөхөртөө хэлж зэмлэж байгаа юм бэ? хэмээн уйлан хайлан хэлжээ.
- Хөөрхий Кокуа минь гээд Кийв дэргэд нь сууж, гарыг нь барих гэтэл Кокуа гараа угз татан авав. Тэгэхээр нь,
- Хөөрхий Кокуа минь дээ. Хөөрхий хонгор үр минь, чимэг минь! Би чамайгаа л хайрлаж энэ бүхний тухай дуугүй бодож суусаар өдий хүрлээ. Нээрэн чи чинь бүх үнэнийг мэдэх ёстой. Тэгээд чи лав хөөрхий муу Кийвийгээ хайрлана байх аа. Бүх үнэнийг дуулмагцаа чи лав Кийв нь чамд юутай их хайртай байсан бэ гэдгийг ойлгоно. Чамтай байхын төлөө тамд очихоос буцаагүй юм шүү дээ. Бүх үнэнийг дуулмагцаа чи лав Кийв нь одоо ч гэсэн чамд хэчнээн их хайртайг ойлгоно. Учир нь хэдийгээр хувь заяа нь өөрөөс нь эргэсэн ч гэсэн чамайг харах тоолондоо инээж байдаг шүү дээ гээд учирлав.
Ингэж хэлснээ бүх үнэнийг бүр эхнээс нь авахуулан ярьж өгөв.
- Чи миний төлөө энэ бүхнийг хийсэн юм гэж үү? Тэгвэл би юунд ингэж уйлан гашуудаж, өөр юу дутлаа гэж ингэж гуньж суугаа юм бэ? хэмээн бүсгүй дуу алдлаа.
Кийвийн хариулсан нь:
- Хөөрхий үр минь дээ! Гэхдээ одоо би тамын галын тухай бодох бүрдээ тун их гашууддаг юм даа.
- Дахин үүний тухай бүү ярь. Кокуад хайртайдаа болоод хэн ч гэсэн зовж шаналах ёсгүй. Кийв минь, би энэ хоёр гараараа чамайг аварна, эс чадваас чамтай цуг тэр тамд чинь очъё. Чи намайг хайрлаж, сэтгэлээ худалдсан байхад би чамайгаа аврахын тулд үхэхээс буцна гэж үү?
Кийв гунигтайяа дуу алдаад,
- Чи зуу ч үхсэн болно, гэвч энэ ертөнцөд намайг ганцааранг нь орхиж явахаас өөр юу болов гэж дээ. Би тэгээд үйлийн үртэй амьтан, нөгөө тамдаа очихоо хүлээж үлдэнэ дээ гэв.
- Чи юу ч мэдэхгүй байна даа. Би муу ч гэсэн Хонолулу хотын сургууль төгсгөсөн хүн. Би жирийн нэг эмэгтэй биш шүү. Хонгор амрагаа аврахдаа л нэг аварна. Чиний нэг центийн тухай хэлснийг сонслоо. Гэтэл бүх дэлхий гэдэг чинь дан ганц Америк улс биш шүү дээ. Англид фартинг гэдэг мөнгө байдаг. Цент бол хоёр фартингтай тэнцэнэ. Тэглээ ч гэсэн болохгүй нь ээ. Наад лонхыг чинь нэг фартингаар худалдаж авсан хүн цааш нь зарж чадахгүй, бас л тамын оронд очих ёстой болно. Гэтэл Кийвтэй адилхан тийм зоригтой хүн бид хоёрт олдохгүй. Тэгвэл Франц гэж орон бий шүү дээ. Сантим гэдэг мөнгөтэй орон. Таван сантим нэг цент болдог юм. Энэнээс сайн юм алга. Кийв минь, хоёулаа Францын эзэмшил арлууд руу явъя. Ерөөсөө Танти уруу л шалавхан явъя. Усан онгоцны хурд л мэдэг. Тэнд очиход нэг цент дөрвөн сантим, гурван сантим, хоёр сантим, нэг сантим гэж задарна. Дахин дөрвөн удаа зарах боломжтой байна, тэгээд бас ямар ч байсан зарах гэж хүссэн хоёрын хоёр хүн байна болох байлгүй дээ. Кийв минь, аль вэ наашаа ойрт, намайгаа тэвэрч үнэс, сэтгэлийнхээ гунигийг арилга. Кокуа чинь хонгор чамайгаа хайрлаж хамгаалахдаа л хамгаална гэж эхнэр нь хариулжээ.
- Чиний саяны хэлдэг ёстой Бурхан Тэнгэрийн захиас байна. Нээрэн Бурхан намайг ийм сайхан юмыг хүслээ гэж ингэж муухай шийтгэн цээрлэх ёсгүй! Нээрэн л чиний хэлснээр л хийе. Явъя гэсэн газар уруу чинь явъя, би чамд амь нас, нүглээ цагаатгуулахыг даатгая хэмээн Кийв баярлан хашхирав.
Маргааш өглөө Кокуа эртлэн босож аян замд гарах бэлтгэлээ базааж эхлэв. Тэрбээр Кийвийн усан онгоцонд авч явдаг авдрыг авч, хамгийн түрүүн нэг буланд нь нөгөө лонхоо хийж, хамгийн сайн сайхан хувцас хунар, гэрт нь буй хамгийн тансаг сайхан жижиг сажиг зүйлсийг дээрээс нь хийгээд,
- Ингэхгүй бол болохгүй. Учир нь бид хоёр нэлээн баян чинээлэг гэдгээ харуулах ёстой. Тэгэхгүй бол энэ лонхны ид шидэнд хэн итгэх вэ дээ? гэж хэлэв.
Ийнхүү холын аян замд эрвийх дэрвийхээрээ бэлдэж байхдаа шувуу лугаа адил баяр баясгалантай байсан бөгөөд гагцхүү Кийвийг хармагцаа л усан нүдэлж, шалавхан гүйн очиж, үнэсэж эрхлүүлнэ. Кийвийн тухайд гэвэл, мөрөн дээрээс нь нэг хүнд ачаа аваад хаячихсан юм шиг бүх бие нь хөнгөрч, энэ ертөнцөд шинээр мэндэлсэн юм шиг байлаа. Одоо нууцаа ганцаар,аа сэтгэлдээ тээж явахаа больж, өмнө нь багагүй найдаж болох юм хүлээж байсан учир алхах гишгэх нь хүртэл хөнгөрч, урьдын адил цээж дүүрэн амьсгалдаг болжээ. Гэлээ ч гэсэн яанаа гэсэн айх сэтгэл энүүхэнд нь эргэлдээд байх нь салхи туузаар нааддагтай адил санагдах бөгөөд үе үе найдах нь багасаж, нүдэнд нь дүрэлзэн асаж буй тамын гал үзэгдэх ажээ.
Тэр хоёр амарч цэнгэхээр Америк уруу явах гэж байна хэмээн цуу тараасан ажээ. Тэр үед тийм хол явна гэдгийг сонсож хүмүүс багагүй гайхдаг байсан билээ. Гэвч чухам хаашаа, ямар хэргээр явах гэж байгаагийн үнэнийг мэдэх юм бол тэд нар улам ч их гайхах байсан нь эргэлзээгүй. Ийнхүү тэр хоёр «Холл» онгоцонд сууж Хонолулу уруу явж тэндээсээ «Уматилад» сууж Сан-Франциско хүрээд тэнд баахан цагаан арьстантай цуг усан онгоцноосоо бууж, Сан Францискод «Тропик бёрд» буюу «Халуун бүсийн шувуу» хэмээх шуудангийн усан онгоцонд сууж, францчуудын эзэмшил Өмнөд арлуудын гол газар болох Папитийг чиглэн явлаа. Сайхан аяллын дараа тэр арал дээр очиход салхи ч араас зөөлөн үлээж, намуухан, дулаахан өдөр таарчээ. Далайн давлагаа шил шилээ даран эргийн хад мөргөж, тал тал тийшээ мянга мянган дусал болж цацрах ажээ. Арал дээр эрэг дагуу дал мод ургасан харагдах бөгөөд эргээс холгүй далайд олон олон завь цааш наашаа хөвөх ажээ. Ногоон модод дундаас цагаан байшингууд цухуйх бөгөөд цаана нь сүрлэг уулс, үүлс нэг бие цогцос болсон мэт харагдана. Энэ бол Ухаант арал Таити гэгч мөн байлаа.
Юуны түрүүн Британийн Зөвлөлийн байшингийн эсрэг талд тансаг сайхан байшин хөлсөлж суувал ухаантай хэрэг болно гэж бодсоноороо байшин хөлслөв. Түүнээс гадна баян чинээлэг гэдгээ ямагт харуулж, чамин сайхан хийцтэй тансаг тэргэнд сууж явахыг хичээх хэрэгтэй байлаа. Лонхтой байгаа цагт хүссэн бүхэн нь нүд ирмэх зуур тун хялбархан биелнэ. Тэгээд ч Кокуа Кийвийг бодвол илүү зоригтой байсан учраас хэрэг л гарвал чөтгөрт хүслээ хэлж, хорь юм уу, зуун доллартай болдог байв. Ингэж элбэг дэлбэг амьдарч буй тэр хоёрыг хотынхон удалгүй жирийн бус хүмүүс болохыг нь ойлгожээ. Ийнхүү Хавайн арлуудаас ирсэн холын зочид, үргэлж морин тэрэг хөлсөлж явдаг тухай, Кокуагийн өмссөн зүүсэн сайхан хувцас хунарын тухай ярьж хэлэлцэх болжээ.
Тэр хоёр Таитийн хэлийг сурч шинэ газар сайхан дасжээ. Таитийн хэл нь хавайн хэлтэй тун ойролцоо бөгөөд гагцхүү зарим үсэг нь л өөр ажээ. Ингээд хэлийг нь сурав уу, үгүй юу тэр хоёр нөгөө лонхоо борлуулах ажилд оржээ. Хаанаас нь ч эхэлсэн хэрэг зоригоо хүмүүст зөв ойлгуулж таниулна гэдэг амаргүй ажил байсан нь тодорхой. Дуусашгүй эд баялаг, харилгүй чадал тэнхээний эх ундаргыг ердөө л дөрөвхөн сантимаар авч болно гэдэгт хүмүүсийг итгүүлж үнэмшүүлнэ гэдэг яггүй ажээ. Түүнээс гадна, лонхны хорыг хэлэх хэрэгтэй. Тэгтэл нэг бол хүмүүс ярьсанд нь огт итгэхгүй бөгөөд харин тэр хоёрыг дооглон инээж, нэг бол хүмүүс хорынх нь тухай илүү бодож, санаа сэтгэлээр унаж, Кийв Кокуа хоёроос шалавхан салахын түүс болж зугтахыг нь харвал чөтгөртэй тааралдсан юм болов уу гэлтэй. Ийнхүү нэлээд оролдож үзсэн боловч санасан хэрэг нь бүтэхгүй, харин ч хотынхон тэр хоёроос хөндий байхыг хичээдэг болов. Хүүхдүүд тэр хоёрыг хармагцаа муухай муухай чарлан зугтацгаах тул Кокуад тэсвэрлэшгүй хэцүү санагдаж байв. Католик шашинтангууд тэр хоёрын дэргэдүүр өнгөрөхдөө шалавхан загалмайлан залбираад эргэж ч харахгүй бөгөөд ер нь тэр хотынхон цугаараа хоорондоо тохирсон юм шиг мань хоёроос холхон байхыг хичээх болжээ.
Тэр хоёр баахан санаа сэтгэлээр унаж цөхрөв. Одоо тэр хоёр хэрэг зоригоо биелүүлэх гэж өдөржингөө дэмий хөөцөлдсөний дараа шинэ байшиндаа бүх л шөнийн турш ганц ч үг солихгүй суух юм уу, эсвэл Кокуа эхэр татан уйлж шөнийн аниргүйг эвдэх ажээ. Заримдаа хоёулаа цуг мөргөх бөгөөд заримдаа өнөө лонхоо гарган шалан дээр тавьж, дотор нь өнөөх гайхал чөтгөр сүүтгэнэн хөдлөхийг харж оройжингоо сууна. Ийм үед тэр хоёр амарч хажуулахын тухай бодохоосоо ч айна. Харин заримдаа хэн нэг нь аргагүй нойрондоо дийлдэж түр зуур зүүрмэглэхдээ хар даран зүүдэлж давхийн цочиж сэрвэл, нөгөөдөх нь харанхуйд чимээгүйхэн уйлж байх билээ. Заримдаа сэрж харахад, нөгөөдөх нь байшинд лонхны дэргэд ганцаараа байхаасаа айж гадагшаа гүйн гарч, бяцхан цэцэрлэгтээ гадил жимсний модон доор цааш нааш алхаж байх юм уу, эсвэл сарны гэрэлд далайн эргээр зугаалж санаа сэтгэлээ тайвшруулж байдаг байлаа.
Нэг удаа Кокуа түр зүүрмэглэснээ сэрж харвал гэртээ гав ганцаархнаа байх бөгөөд Кийв хэзээний гараад явчихсан байлаа. Кокуа орыг нь тэмтэрч үзээд хөнжил нь хүйтэн байхыг мэдэж учиргүй их айж орон дээрээ өндийн суув. Сарны гэрэл хөшигний завсраар тусаж, өрөө нь бүүдгэр гэгээтэй байсан учраас өнөөх лонх нь шалан дээр хэвтэж байхыг олж харав. Гадаа салхитай байсан болохоор гудамжны хоёр талд ургасан аварга мод муухай дуугаргаж, унасан навчис хаалганы цаахна үймэн бужигнах ажээ. Гэтэл энэ бүх чимээ шуугианы дунд өөр нэг дуу гарч буйг Кокуа сонсов.
Араатан амьтных уу, эсвэл хүнийх үү гэдгийг тааж хэлэхэд бэрх. Гэвч үхэл гуай өөрөө дуулж байгаа юм болов уу гэмээр харуусал гуниг дүүрэн дуу байсан бөгөөд сонссон хүн үнхэлцгээ хагартал айх байлаа. Эмэгтэй аяархан босож очин хаалгаа онгойлгоод, сарны гэрэл туссан хэсэг газрыг харав. Гэтэл тэнд, гадил жимсний модны ёроолд Кийв нь хэвтэж байсан бөгөөд ам хамар нь тоос шороо болчхоод муухай ёолон орилох ажээ.
Кокуа шалавхан гүйн очиж эр нөхрөө аргадан тайтгаруулахыг завдсанаа больчхов. Учир нь Кийв эхнэртээ өөрийгөө зоригтой эр хүн гэж харуулахыг эрмэлздэг байсан юм. Ийнхүү түрхэн зуур тэсвэр алдсан байхад нь очиж тайтгаруулах гэж оролдвол, эр нөхөр нь учиргүй ичиж эвгүй байдалд орох байлаа. Тийм учраас эмэгтэй эргэж гэртээ оров.
«Тэнгэр минь! Би гэж ямар хайнга, хатуу мөртлөө аймхай амьтан бэ! Энэ чинь би биш харин муу Кийв минь л ингэж тарчилж байна шүү дээ. Миний төлөө, над шиг ийм өчүүхэн, хүний ачийг хариулж мэддэггүй арчаагүй амьтны хайр сэтгэлийн төлөө л одоо эр нөхөр минь тамын дүрэлзсэн гал үзэж, үнэртэж, одоо энд сарны гэрэлд, салхинд нүдүүлэн хэвтэж байна шүү дээ. Тэгэхлээр би өөрийнхөө үүргийг сая хүртэл ухааралгүй явсан тийм муухай сэтгэлтэй амьтан юм гэж үү? Эсвэл би урьд өмнө үүргээ ойлгосон ч түүнээс урвасан юм уу? Гэвч одоо бол би сэтгэлээ энэ хоёр гартаа авлаа. Одоо би диваажингийн орны цагаахан зам, тэнд намайг хүлээж буй найз нөхдөөсөө үүрд хагацахаар шийдлээ. Намайг хайрласан хүнд би хайраа өгч, Кийвтэйгээ адилхан хамгийн муу хувь тавиланг сонголоо! Кийвийн зүрх сэтгэлийн оронд өөрийнхөө зүрх сэтгэлийг өглөө, минийх л тамд очиж шатаг!» гэж Кокуа боджээ.


Top
   
PostPosted: Sep.10.17 1:25 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
IV

Ер нь Кокуа бол түргэн шаламгай хөдөлгөөнтэй ухаалаг эмэгтэй байсан юм. Хувцас хунараа хурдхан өмсөв. Задгай хэдэн сантим авав. Тэр хоёр зориуд хэдэн сантим байнга авч явдаг боловч огт хэрэглэдэггүй байсан учир цоо шинээрээ байлаа. Эмэгтэй гудамжинд гарахад салхи үүл туун авчирч, сар үүлний цаагуур оржээ. Хот нойрсож байсан учраас эргэн тойрон нам гүм, чухам хаашаа явахаа сайн мэдэхгүй зорилгогүй алхаж байтал модны сүүдэрт нэг хүний ханиах дуулдав.
- Өвгөн гуай, та энэ харанхуй шөнөөр гэр орондоо оролгүй энд юу хийж байгаа юм бэ? гэж Кокуа асуув.
Өвгөн зогсоо зайгүй ханиах тул хариулж чадахгүй байсан боловч эмэгтэй түүний гадаад төрхөөр, ядуу өвгөн бөгөөд энэ арал дээр холоос ирсэн хүн болохыг нь мэджээ.
- Та надад нэг тус болооч! Та ч холоос ирж, би ч бас холоос ирсэн хүн, та миний аав шиг хүн байна, би таны охин шиг бүсгүй юм. Тэгэхлээр та Хавайн арлын охин надад туслаач! гэж Кокуа гуйсанд өвгөн,
- Аан, тэгэхлээр чи нөгөө найман арлаас ирсэн шулам уу? Тэгээд чи бас хөгшин миний сэтгэлийг ороон авч тамд аваачих гээ юү? Гайгүй байлгүй дээ. Би чиний тухай бишгүйдээ нэг сонссон болохоор чиний арганд орохгүй ээ гэжээ.
- Өвгөн, та наашаа түр сууж саатаач. Би танд түүхээ ярьж өгье.
Ингээд Кокуа өвгөнд Кийвд учирсан явдлыг хамгийн эхнээс авахуулаад дуустал нь ярьж өгөв.
Тэгээд:
- Тэр хувь заяагаа золиосонд гаргаж лонх худалдан авч суусан эхнэр нь би байгаа юм. Тэгэхлээр одоо би яах ёстой вэ? Хэрэв би эр нөхөртөө шууд хэлж лонхыг нь худалдаж авъя гэвэл, «үгүй!» л гэж хэлнэ дээ. Харин та түүн дээр очиж тэр лонхыг нь авъя гэвэл цаадах чинь дуртайяа зөвшөөрнө. Би таныг энд хүлээж байя. Та тэр лонхыг дөрвөн сантимаар ав, би танаас гурваар авъя. Бурхан над шиг муу эмэгтэйг өрөвдөж сэтгэлийн хүч нэмж өгөх байлгүй гэжээ.
- Чи худал ярьсан байвал, Бурхан чамайг ниргэнэ биз гэж өвгөн өгүүлэв.
Кокуа дуу алдан,
- Тэгнэ, заавал тэгнэ. Би тэгж муухайгаар хүнийг мэхлэхгүй. Бурхан үүнийг тэвчин зүгээр өнгөрөөхгүй гэв.
- За, тэр дөрвөн сантимаа өг, тэгээд наанаа хүлээж бай.
Ийгээд өвгөн явсны дараа Кокуа эл хуль гудамжинд ганцаархнаа хоцорч, өнөөх саяхан байсан зориг хүч нь мохов. Салхи үлээж, модтой наадан муухай муухай дуу гаргана, эмэгтэйн нүдэнд тамын дүрэлзсэн гал харагдана. Гудамжны гэрэлд янз янзын сүүдэр хөдлөх нь чөтгөр шулам гараа сунгаж буй мэт. Хэрэв эмэгтэйд өчүүхэн ч гэсэн хүч чадал үлдсэн бол лав эндээс зайлж зугтах байсан биз ээ. Бүсгүй амьсгаа авч чадах байсан бол лав толгойн үс арзаймаар муухай чарлах байсан биз ээ. Гэвч зугтсан ч үгүй, хашхирсан ч үгүй, харин нөгөө л газраасаа хөдлөлгүй үнхэлцгээ хагартал айсан хүүхэд шиг чичрэн зогссоор байжээ.
Тэгж байтал өвгөн ирж яваа харагдав. Нэг гартаа өнөөх лонхыг барьжээ.
- Чиний хүслийг биелүүллээ. Нөхөр чинь хүүхэдтэй адил уйлаад л хоцорсон. Баярласных байх аа. Өнөө шөнө ч ёстой хэдэн жил унтаагүйгээ унтана биз дээ гэж өвгөн хэлээд нөгөө лонхыг өгөх гэж сарвайв.
- Надад өгөхөөсөө өмнө муугийн хажуугаар бас сайныг нь амсагтун. Ханиаднаас эдгээ гэж асуугаач гэж Кокуа ээрэн хэлэв.
- Би яах вэ, настай хүн. Хадан гэр маань ойртчихоод байхад чөтгөрөөс юм гуйхаа болих уу даа. Харин чи чинь яагаад энэ лонхыг авахгүй удаад байна? Эргэлзээд байгаа юм биш биз?
Кокуа чангаар хэлсэн нь:
- Юу гэж эргэлзэх юм бэ! Зүгээр л зориг дутаж байгаа юм. Жаахан хүлээгтүн, Би биш харин миний гар л хөдөлж өгөхгүй байна. Наад нүгэлт юмнаас чинь энэ махан бие л айж арагшаа ухрах гээд байгаа юм. Жаахан азнаарай!
Өвгөн Кокуа уруу зөөлөн харснаа,
- Хөөрхий өрөвдөлтэй ч амьтан аа даа! Чи айж байгаа юм байна. Чиний сэтгэлийн зориг чамаас урважээ. За яах вэ, би энийг чинь авъя. Би нэгэнт хөгшин хүн, тэгээд ч энэ ертөнцөд жаргаж явсангүй, дараачийн ертөнцөд мөн адил...
- Аль вэ, наадахаа надад өгөгтүн! Май, мөнгөө ав! Намайг тийм муухай худалч амьтан гэж бодоо юу!
Наад лонхоо өгөгтүн! гэж Кокуа хүндээр амьсгаадан шаардсанд өвгөн,
- Бурхан чамайг авраг! гээд лонхыг өгчээ.
Кокуа лонхыг далд хийж, өвгөнтэй «баяртай» гэлцээд, гудамж дагуу явлаа. Одоо нэгэнт аль ч замаар явсан там уруу орох нь гарцаагүй болсон тул хаашаа явахаа бодсонгүй, харсан зүг уруугаа л явав. Заримдаа гүйж, заримдаа алхаж байлаа. Заримдаа шөнийн аниргүйг цочоон хашхирч, заримдаа замын хажууд тоос шороонд хутгалдан газар унаж, эргэн хөрвөн, уйлж гашуудна. Урьд өмнө тамын тухай сонсож байсан бүхэн санагдана. Дүрэлзсэн гал харагдаж, үнэр нь үнэртэн, бие нь халуун нүүрсэн дээр шарагдаж буй мэт санагдана.
Үүр цайхын өмнөхөн ухаан санаа нь хэвийн ажиллах болж, гэртээ буцаж ирэв. Өвгөний хэлснээр нээрэн л Кийв хүүхэд лүгээ адил бөх нойрсох ажээ. Кокуа дэргэд нь зогсож, нүүр царайг нь хараад хэлсэн нь,
- Хань минь, одоо чиний унтах цаг болжээ. Өглөө сэрээд чи инээж баясан, дуулж хөгжих цагтайгаа золгоно. Харин муу Кокуа чинь өнгөрчээ. Одоо Кокуа хэзээ ч унтахгүй, дуулахгүй, баярлахгүй, түүнд энэ ертөнц там хоёр адилхан болжээ.
Ингэж хэлмэгцээ нөхрийнхөө дэргэд орон дээрээ унаад өгчээ. Түүний сэтгэлийн шаналал зовлон туйлын их байсан учир тэр дорхноо хачин бөх унтав.
Нар нэлээд дээр гарсан хойно нөхөр нь сайхан мэдээ сонсгох гэж сэрээв. Баярласандаа тэнэг болчхоо юу даа гэмээр. Эхнэр нь хэдийгээр хэнэггүй царайлахыг хичээх боловч хичээх тусам ямар нэгэн юм болсон нь илэрхий байгаад байхад эр нөхөр нь огт хэнэггүй бөгөөд анзаарсан шинжгүй. Эмэгтэй дуугарах гээд дуугарч чадахгүй байлаа. Гэвч түүнийг нь огт анзаарсангүй, Кийв ярьсаар байв. Эмэгтэй балга хоол ч идсэнгүй. Гэвч түүнийг нь огт анзаарсангүй Кийв ярьсаар байв. Кокуа хоолонд ам ч хүрсэнгүй. Гэвч Кийв бас л анзаарсангүй. Кийв аяга шанагаа угааж байхад нь Кокуа түүний ярихыг сонсож, хөдлөхийг харж байлаа. Гэвч харах тусам өөрөө унтаж зүүдэнд нь нэг хачин юм үзэгдээд байгаа юм шиг санагдана. Заримдаа чухам хаана, хэнтэй байгаагаа мартах юм уу, эсвэл эргэлзэх учир нүдээ нухаж сэргэх гэж оролдоно. Өөрөө тамд унахаар болчхоод байтал нөхөр нь ам хамхилгүй байдаг нь тун аймшигтай санагдаад болохгүй байлаа.
Одоо Кийв сав л хийвэл идэж, ярьж, буцах цаг хугацаагаа тооцоолж, өөрийг нь тамд очихоос аварсанд авгайдаа талархаж байлаа. Авгайгаа эрхлүүлж, жинхэнэ аврагч хэмээн дуудах ажээ. Харин лонхыг нь худалдаж авсан өвгөнийг «тэнэг» хэмээн дооглож инээх ажээ.
- Уг нь харахад сайхан өвгөн байна билээ. Гэхдээ хүнийг гаднаас хараад хэн зөв дүгнэж чаддаг билээ дээ. Нээрэн тэр хөгшин үнэгт яагаад тэр лонх хэрэгтэй болсон юм бол? гэж Кийв хэлсэнд,
- Хонгор минь дээ, сайн юм санаж тэр лонхыг авсан байж болно шүү дээ гэж Кокуа зөөлөн эсэргүүцэв.
Кийв нэлээд уурласан маягтай омогтойхон хөхөрч,
- Ёстой горьдов оо. Жинхэнэ хөгшин дээрэмчин байсан даа. Ёстой хөгшин илжиг. Нээрэн тэр лонхыг дөрвөн сантимаар зарна гэдэг амаргүй ажил байлаа шүү. Гурваар бол бүр ч барахгүй дээ. Нөгөө аюулт цэгт хүрэхэд тун ойртоно. Ёстой лонхноос тамын хиншүү үнэртэж эхлэх шиг болсон шүү. Яаяаяа гэснээ аягүйрхэн чичрээд,
- Уг нь би өөрөө түүнийг нэг центээр авсан нь үнэн л дээ. Тэгэхэд би центээс бага мөнгө байдаг гэж мэддэггүй л байлаа. Тэнэг л амьтан байсан юм даа. Одоо ч над шиг тийм тэнэг амьтан дахин олдохгүй биз дээ. Одоо тэр лонхыг авсан хүн лав тамд очихоос өөр замгүй гэсэн үг гэв.
- Ай, хань минь дээ! Өрөөлийг үүрд хөнөөж өөрсдийгөө аварна гэдэг аймшигтай хэрэг биш гэж үү? Би дахин хэзээ ч ингэж чадахгүй юм шиг санагдаж байна.
Би сэтгэл зүрхээ номхтгоно. Уйтгар гуниг миний зүрх сэтгэлийг эзэмдэнэ. Би тэр лонхыг авсан хөөрхий хүний төлөө үргэлж мөргөж байна гэж Кокуа хэлжээ.
Ингэж хэлэхийг нь сонсмогцоо, эхнэрийнх нь хэлсэн үгэнд үнэний хувь байсан тул дүрсхийн уурлав.
- Хөөе, юу гэнэ ээ! За, за чи дураараа л бол. Уйдан гуньж сууя гэвэл сууж л бай. Гэхдээ сайн хань тэгдэггүй юм шүү. Хэрэв чи намайг боддог бол лав ингэж хэлэхээсээ ичих байсан юм.
Тэгээд Кийв гаран одож, Кокуа ганцаархнаа хоцров.
Гурван сантимаас хямдаар энэ лонхыг зарах арга байна уу гэж нэг хэсэг бодож суув. Байхгүй гэдгийг ойлголоо. Тийм боломж байлаа ч гэсэн нөхөр нь центээс бага мөнгөгүй арал дээрээ буцаж очихоор яарч байлаа. Харин бие сэтгэлээ золиосонд гаргачхаад байхад нөхөр нь ганцааранг нь орхиж, бас хорон үгээр зэмлэж байдаг. Таарч дээ!
Одоо эндээс явахаас өмнө амжиж лонхоо зарах гэж хөөцөлдсөнгүй зүгээр л гэртээ сууж байв. Лонхоо гаргаж урдаа тавиад нэг хэсэг харж суухад дотор нь нэг бол айдас, нэг бол үзэн ядах сэтгэл төрж байв. Тэгж байгаад лонхоо далд хийдэг байлаа.
Кийв байн байн орж ирж, ийшээ ч явъя, тийшээ ч явъя гэж хэлэх ажээ. Гэвч эхнэр нь
- Хонгор минь, миний бие муу байна. Уучлаарай, би гадагшаа гарахтай мантай л байна шүү гэж хэлнэ.
Эхнэр нь үргэлж нөгөө өвгөний тухай бодон гашуудаж байна гэхээс Кийв улам эгдүүцэн уурлаж байлаа. Харин дотроо эхнэрийнх нь зөв гэдгийг мэдэж байсан учраас өөрөө ингэж баяр баясгалантай яваадаа ичиж байв.
- Чиний үнэн санаа, хайр сэтгэл чинь энэ үү! Эр нөхөр чинь чамд хайртайгаасаа болж мөнхийн зовлонд унасан байснаа сая нэг аврагдаж байхад чи баярлахтай мантай байна гэж хэлж байдаг Кокуа, чиний зүрх сэтгэл надаас хол байгаа юм байна хэмээн Кийв хашхичжээ.
Тэгээд тэр чигээрээ уурандаа шатсаар гарч явав. Гэртээ ирэлгүй өдөржингөө хотоор тэнэв. Найзуудтайгаа уулзаж, архи уулаа. Тэгснээ цугаараа тэрэг хөлсөлж, хөдөө гарч тэнд бас нэлээд их уув. Гэвч Кийв үнэн сэтгэлээсээ баясан цэнгэж чадахгүй байлаа. Эхнэр нь гэртээ гунин сууж байхад өөрөө ингэж зугаа цэнгэл хөөж явдаг. Тэгээд ч сэтгэлийнхээ гүнд эхнэрийнх нь зөв гэдгийг мэдэж байсан бөгөөд мэдэх тусам улам ихээр уумаар санагдах ажээ.
Цуг наргиж байсан хүмүүсийнх нь дунд нэг зэрлэг хэрцгий зантай нэг хөгшин Хэйол буюу цагаан арьстан ажээ. Халим агнуурын усан онгоцонд ахлах усан цэрэг, оргодол, алтны уурхайд уурхайчин, шоронгийн хоригдол гээд л цөмийг нь амжуулсан энэ хүн хорон санаатай, өмхий амтай байжээ. Уух дуртай, бусдын ууж байхыг харах бас дуртай байсан учир Кийвийг архиар шахаж байв. Удалгүй тэд нар огт мөнгөгүй болцгоожээ.
Нөгөө Хэйол хэлсэн нь:
- Хөөе, чи баян шүү дээ, чи дандаа л тэгж хэлдэг Чамд нэг лонх ч гэл үү хачин юм байдаг гэсэн.
- Тийм шүү. Би баян хүн. Би эргэж гэртээ очоод авгайгаасаа мөнгө авч ирье гэж Кийв хэлжээ.
- Буруу даа хө. Хүүхнүүдэд мөнгөө битгий атгуулж бай. Устай л адилхан урсаад алга болгох улс даа, чи барьж ч чадахгүй. Ер нь сайн харж байхгүй бол гэмтэй улс шүү.
Энэ үг Кийвийн ухаанд шууд тусаж, ууж байсан нь ч хүртэл хоолойд нь торов.
«Нээрэн эхнэр маань их хуурамч аашилж байсан шүү. Яагаад намайг зовлонгоосоо ангижирлаа гэхэд гэнэт санаа сэтгэлээр уначихдаг билээ? Тэгж молигдуулаад зүгээр явж байдаг хүн биш гэдгээ үзүүлье. Яг намайг хуурч байхад нь барьж авах минь» гэж Кийв боджээ.
Ингээд тэд цугаараа эргэж хотод ирэхэд Кийв нөгөө усан онгоцны ахлах усан цэргийг дагуулж явав. Хуучин шоронгийн дэргэд булангийн цаана хүлээж бай гэж хэлчхээд өөрөө ганцаараа гудамж өгсөн явсаар үүдэндээ ирэв. Шөнө байсан учир байшин дотор гэрэл асах мөртлөө анир чимээгүй байв. Кийв гэтсээр байшингийнхаа буланг тойрч, ар талынхаа хаалгыг аяархан онгойлгож дотогшоо шагайлаа.
Кокуа шалан дээр сууж, дэргэдээ дэнлүү тавьжээ.
Өмнө нь өнөө бөөрөнхий гүзээтэй, урт хүзүүтэй цагаан өнгийн лонх байх бөгөөд лонх ширтэж суусан Кокуа нэг гараараа нөгөө гараа базална.
Кийв үүдээр шагайсан хэвээр тэндээ баахан саатан зогсов. Анх хармагцаа ухаан санаа нь элий балай болоод явчих шахав. Дараа нь Сан-Францискод болсонтой адил наймаагаа буруу хийсэн болохоор лонх нь эргээд ирж хэмээн бодож үнхэлцгээ хагартал айв. Өвдөг нь чичирч, өглөө голын манан замхран арилдаг лугаа адил архи нь ч гарав. Тэгтэл өөр нэг бодол төрж, нүүр нь халуу шатжээ.
«За байз энэ бодлынхоо зөв бурууг шалгая» гэж бодов.
Тэгээд хаалгаа хааж, дахин байшингийнхаа буланг аяархан тойроод урд хаалгаараа дөнгөж ирж буй дүр үзүүлэн чимээтэй орлоо.
Хачин аа бас! Яг хаалгаа онгойлгож ортол нөгөө лонх үзэгдэхгүй болсон байх бөгөөд Кокуа сандал дээр зүүрмэглэж байтал нь цочоон сэрээчихсэн юм шиг царайлан сууж байв.
- Би өдөржингөө цэнгэн наргиж архи уулаа. Сайхан найзуудтайгаа ч таарлаа. Чамаас хэдэн мөнгө авах гэж ирлээ. Эргэж найзуудтайгаа нийлж ууж наргина аа гэж Кийв хэлжээ.
Түүнийг сайн харвал нүүр царай, дуу хоолой нь цоо эрүүл шинжтэй байсан боловч Кокуа шаналал зовлондоо хэт автсан тул анзаарсангүй.
- Зөв шүү, хонгор минь, өөрийнхөө мөнгөөр л уух хэрэгтэй хэмээн эхнэр нь хэлэхэд хоолой нь чичирч байлаа.
- Би хэзээ ч буруу юм хийдэггүй хүн гэж Кийв хэлснээ шууд очиж авдраа онгойлгоод мөнгө авав. Тэгэх далимдаа урьд лонхоо хадгалдаг байсан авдрынхаа булан уруу өнгийж харвал лонх байсангүй.
Хаашаа ч зугтах боломжгүй байдалд орсноо ухаарахад хамаг толгой тархи нь эргэж, авдар нь далайн давлагаа адил оволзон нөмөрч ирээд, байшин нь тамхины утаа мэт тойрон эргэх шиг болов.
«Яг л ингэсэн болов уу гэж айж байсан юм даа. Мань хүн тэр лонхыг худалдаж авсан нь гарцаагүй боллоо» гэж бодогдлоо.
Удалгүй бага зэрэг сэхээ авч тайвшраад босоход хамаг хөлс нь цутгачихсан байх бөгөөд бороонд цохиулсан юм шиг шалба нороод булгийн ус шиг хүйтэн ус биеийг нь даган урсах ажээ.
- Кокуа минь, өнөөдөр би чамд ямар өвчинд нэрвэгдсэнээ хэлсэн. Одоо би намайг хүлээж буй найз нар дээрээ эргэж очиж наргихаар явлаа гэж Кийв хэлснээ тайвширсан байртай инээмсэглээд:
- Чи намайгаа уучлах юм бол уух архи минь ам уруу зөөлөн орно гэжээ.
Кокуа өвдгийг нь тэвэрч, нулимс асгаруулан өвдгийг нь үнсээд
- Ай ганцхан сайхан үг хэлээч, хонгор минь хэмээн дуу алдав.
- Хоёулаа нэг нэгнийхээ тухай хэзээ ч муу юм санахгүй явъя гэж Кийв хэлээд гадагшаа гарав.
Кийв авдарнаасаа, анх тэр хоёр ирээд хадгалсан баахан задгай сантимаас хэдхэнийг авсан байжээ. Одоо ч ууж цэнгэх тухай бодохгүй байгаа нь тодорхой. Эхнэр нь өөрийнх нь төлөө зүрх сэтгэлээ золиосонд гаргах гэж байна гэхээс өөр юу ч бодогдохгүй байжээ.
Хуучин шоронгийн буланд өнөөх хөгшин усан цэрэг түүнийг хүлээн зогсож байлаа.
- Миний авгайд нэг лонх байдаг юм. Тэр лонхыг гартаа оруулахад туслахгүй юм бол чи бид хоёрт мөнгө, архи олдохоо өнгөрсөн гэж Кийв хэлжээ.
- Чи тэр лонхны тухай үнэн ярьж байгаа биз? хэмээн усан цэрэг хашхирсанд,
- Чи намайг энэ чийдэнгийн гэрэлд хар л даа. Би худлаа ярьж байгаа юм шиг харагдаж байна уу? гэж Кийв хэлэв.
- Үгүй ээ. Чи огт тоглосон шинжгүй чөтгөр шиг байна.
- За тэгвэл май, энэ хоёр сантим. Манай эхнэр дээр очиж, наадахаараа тэр лонхыг аваад ир. Би нэг их эндүүрээгүй бол наад хоёр сантимаа өгмөгц чамд тэр лонхыг шууд л атгуулах бий. Тэр лонхыг нь надад авчир, би чамаас нэг сантимаар худалдаж авна. Учир нь тэр лонхыг авснаасаа хямдаар зарах ёстой юм. Гэвч намайг явууллаа гэж авгайд хэлж болохгүй шүү.
- Хөөе, чи чинь надаар тоглоод байна уу даа?
- Би байгаа цагт чамтай ямар ч муу юм тохиолдохгүй.
- Тэр ч тийм шүү.
- Чи эргэлзэж байгаа бол туршиж болно шүү дээ. Чи манай байшингаас гармагцаа халаас дүүрэн мөнгөтэй болох ч юм уу эсвэл нэг шил хамгийн сайн ром архи, өөр санаанд чинь юу л орж ирнэ бүхнийг хүс, тэгээд тэр лонхны ид шидийг үз.
- За тэгье, Канака минь. Би туршаад үзнэ шүү. Харин чи надаар тоглоом хийж байгаа бол дараа нь би чамтай хатуу тоглоно шүү. Чи даахаа л бодоорой.
Ингэж хэлээд халимын анчин гудамж өгсөн явж, Кийв тэндээ үлдэв. Урьд шөнө Кокуа бараг энэ л газар хүлээн зогсож байсан бөгөөд ялгаа нь гэвэл, Кийв санаснаа хийх илүү зориг төгөлдөр байсан бөгөөд өчүүхэн ч эргэлзэхгүй байжээ. Харин гагцхүү зүрх сэтгэлд нь уйтгар гашуудлын гашуун нулимс шүүрч байв.
Их л удаан хүлээж буй мэт санагдаад, байж ядан байтал ашгүй харанхуйд нэг хүн дуу дуулах сонстов. Нөгөө усан цэрэг гудамж уруудан айсуйг мэдсэн боловч яагаад ийм түргэн согтчихов хэмээн гайхжээ.
Тэгтэл харанхуй дундаас нөгөө хөгшин усан цэрэг бүдэрсээр чийдэнгийн гэрэлд гарч ирлээ. Нөгөө чөтгөртэй лонхыг өвөртөлсөн байлаа. Өөр нэг лонх гартаа барьсан байх бөгөөд байн байн амандаа аваачиж гүд гүдхийн залгилна.
- Чи миний захисан лонхыг авчихсан байх шив дээ гэж Кийв хэллээ.
Хөгшин анчин гэдрэг ухарснаа,
- Гараа тат, надад ойртвол нармайн дундуур чинь буулгана шүү. Чи ёстой намайг сайхан ашиглана гэж бодож байна уу? Аан? хэмээн хашхичлаа.
- Чи юу гээд байна аа? гэж Кийв дуу алдав.
- Юу гээд байна ий? Энэ болбол маш сайхан лонх байна гэх гэсэн юм. Надад яаж ердөө хоёрхон сантимаар олдов оо, бүү мэд. Гэхдээ чи үүнийг хоёроор авна гэж бүү сана.
Кийвийн амьсгаа нь давхцан итгэж ядаад
- Чи тэгээд надад зарахгүй гэсэн үг үү? гэж асуулаа.
- Үгүй шүү, ноёнтон минь! Харин дуртай бол энэ ромоос ганц балгуулъя.
- Хөөе, наад лонхыг худалдаж авсан хүн шууд тамд очдог юм.
- Тэртэй тэргүй би тэр тамд очих тавилантай хүн. Тэр тамд чинь энүүнээс илүү юу авч очих вэ дээ гэснээ дахин муухай чарлаж,
- Үгүй шүү, эрхэм минь, одоо энэ болбол миний лонх, чи харин тийм дуртай юм бол өөрөө явж, өөр лонх олж ир л дээ гэв.
- Нээрэн үү? Би чамайг бодож сүүлчийн удаа хичээнгүйлэн гуйя. Наад лонхоо надад зарчих! гэж Кийв хашхирлаа.
- Чиний үгийг би огт хэрэгсэхгүй. Чи намайг гэнэхэн амьтан, амархан молигдчихно гэж бодоо юу. Одоо тийм биш гэдгийг наад хоёр нүдээрээ хараа биз дээ. Тэгээд л боллоо. Чи энэ ромоос балгахгүй юм бол би өөрөө нэг сайн балгаадахъя. За, чиний эрүүл мэндийн төлөө ууя, сайхан нойрсоорой!
Ингэж хэлээд гудамж уруудан хотын зүг яваад өглөө. Ингээд түүнтэй хамт нөгөө лонх энэ түүхээс алга болов.
Харин Кийв Кокуа уруугаа салхи лугаа адил гүйн очиж, тэр шөнө энэ хоёрын баярласан ч гэж хэмжээлшгүй. Тэр явдлаас хойш манай хоёр Гэрэлт Байшиндаа амар сайхандаа жаргажээ.


Top
   
PostPosted: Sep.10.17 3:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Хатсан гар дээр ч нөхрийн үйлийн үр гурвын гурван хүнийг хамраад аймаар явлаа даа :frog:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.11.17 12:54 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
mark l naa

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.11.17 7:01 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
КАТЕРИН МАНСФИЛЬД - ХҮҮХЭЛДЭЙН БАЙШИН

Хэй гуай хэмээх сайхан эмгэн Бурнелийнхнийд хэдэн хоног зочилсны дараа хотын гэртээ буцаж очоод удалгүй хүүхдүүдэд нь хүүхэлдэйн байшин явуулжээ. Хүүхэлдэйн хэмээх нэртэй боловч яггүй том байшин байсан учраас түүнийг тэрэгчин, Пэт хоёр тэрэгнээс дамжлан буулгаж, хашаан дотор, гал зуухны өрөөний хаалганы дэргэд, хоёр модон хайрцаг дээр тавилаа. Зун байсан болохоор түүнийг гадаа байлгахад муу юм болохгүй гэж боджээ. Тэгээд ч хэдэн хоног гадаа байлгаж, будагных нь үнэр арилсны дараа гэрт оруулбал дээр хэмээн тооцоолжээ. Нээрэн, Хэй гуай сайн эмгэн шүү, ямар ч үнэтэй бэлэг явуулдаг юм бэ дээ, Берил ажаагийн хэлснээр, хүүхэлдэйн байшингийн будагны үнэр хүчтэй учир түүнийг удаан үнэртсэн хүн өвчин хүрч болохоор байлаа. Бүр бүтээсэн даавууг нь авахаас өмнө ханхийсэн шүү дээ. Харин үнэр нь арилсны дараа бол...
Хүүхэлдэйн байшинг дүрсэлбэл, гүн хар ногоон өнгөтэй бөгөөд дээрээ хурц шар толботой ажээ. Дээвэр дээр улаан, цагаан өнгийн хоёр яндан наасан байв. Хаалга нь хүрэн шар өнгөтэй бөгөөд томоохон ирис чихэр шиг санагдана. Дөрвөл жинхэнэ шилэн цонхон дээр ногоон будгаар хүрээ зурсан нь жинхэнэ байшингийн цонхноос ялгагдахгүй харагдана. Бас гаднаа бяцхан довжоотой байлаа. Довжоог шараар будаж, будаг нь ирмэгээ даван доошоо гоожиж, бөөгнөрөн хатжээ.
Гэлээ ч гэсэн аргагүй хөөрхөн бяцхан байшин байлаа! Ийм хөөрхөн байшингийн будгийн үнэрийг хэн тоох вэ! Харин будаг үнэртэнэ гэдэг бол цоо шинэ байшин гэсэн үг бөгөөд тэр тусмаа баяр баясгалан ихтэй байлаа.
- Аль вэ, нэг нь түргэн онгойлго доо!
Байшингийн хажуу талын түгжээний дэгээ гацаж хөдлөхгүй байлаа. Пэт тонгоргоор хөшиж дэгээг мултлахад байшингийн нэг талын хана тэр аяараа уналаа. Одоо зочдын өрөө, хоолны өрөө, гал зуухны өрөө, унтлагын хоёр өрөө гээд л бүх өрөөг нэг зэрэг харах боломжтой боллоо. Энэ байшин ингэж онгойдог байжээ! Ер нь яагаад бүх байшин үүнтэй ижилхэн онгойдоггүй юм бэ? Зүгээр хаалганы завсраар дотроо ердөө л малгайны өлгүүр, хоёр нарны хаалттай үүдний жижигхэн өрөөг харахад ямар баяр баясгалан байх вэ дээ. Харин энд бол шал өөр хэрэг! Ер нь хүн айлын хаалгыг тогшихдоо доторх бүх өрөөг нь нэг зэрэг харахыг хүсдэг биш үү, тийм ээ?
Гагцхүү Бурхан л шөнө дунд сахиус тэнгэрийг дагуулан яаралгүй салхилж явахдаа бүх байшингийн доторхыг яг ингэж тод хардаг буй заа...
- Ай яая! хэмээн Бурнелийн хүүхдүүд байж ядан хашхиралдав. Дэндүү гайхамшигтай сайхан байшин болохоор яах ч учраа олохгүй байгаа нь тэр ажээ. Тэд амьдралдаа ийм сайхан юм үзэж байсангүй. Бүх өрөөнийх нь хананд зурагтай цаас наасан, алтан жааз бүхий олон зураг хадсан байв. Гал зуухны өрөөнөөс бусад өрөөний шалан дээр улаан хивс дэвсжээ.
Улаан өнгийн зөөлөн сандлууд зочдын өрөөнд, ногоон өнгийн зөөлөн сандлууд хоолны өрөөнд тус тус байх нь их л маягтай бөгөөд гоё санагдана. Өрөө болгонд ширээ тавьж, орнуудыг цугааранг нь улаан бүтээлгээр бүтээжээ. Хүүхдийн өлгий, зуух, жижигхэн таваг, нэг томоохон түмпэнтэй шүүгээ гээд л байхгүй юм алга, Гэвч Кезягийн хамгийн их шохоорхсон зүйл бол дэнлүү байлаа.
Дэнлүү хоолны өрөөний ширээний голд байв. Энэ бол цагаан бүрхүүлтэй, аргагүй чамин сайхан хийцтэй, хуван дэнлүү ажээ. Асааж болохгүй авч хэдийд ч асааж болмоор юм шиг дотроо шингэн түлштэй ажээ. Тэр битгий хэл, сэгсрэхэд дотроо тостой юм шиг санагдана,
Ээж, аав хүүхэлдэй нь сандал дээр эв хавгүй суусныг харахад зочдын өрөөнд ухаан алдаж унасан юм болов уу гэлтэй. Хоёр хүүхэлдэй хүүхэд унтлагын өрөөнд унтаж байлаа. Ер нь тэд нар хүүхэлдэйн байшиндаа арай томдсон юм шиг санагдана. Тэгээд ч байшинтайгаа нэг л зохицохгүй байгаа юм шиг харагдана. Гэвч тэр дэнлүү үнэхээр хөөрхөн ажээ. Кезя уруу хараад
- «Би энд суудаг юм даа» гэж хэлээд инээмсэглэж байх шиг санагдана. Хиймэл биш жинхэнэ дэнлүү ажээ.
Маргааш өглөө нь Бурнелийн хүүхдүүд сургуульдаа явах гэж учиргүй яарав. Шалавхан сургуульдаа очиж, хүүхэлдэйн байшингийнхаа тухай ярьж, гайхуулмаар санагдаад тэгж л дээ.
Замдаа Изабель хэлсэн нь:
- Би эхэлж ярина шүү. Би хамгийн том нь шүү дээ. Харин та хоёр миний дараа яриарай. Гэхдээ би л эхэлнэ шүү.
Хэлэх үг байсангүй. Изабель дээрэлхүү зан гаргаж байгаа боловч дандаа түүний зөв байдаг билээ. Лотти, Кезя хоёр эгч хүн ямар айхтар хүчтэй вэ гэдгийг дэндүү сайн мэднэ. Тэр хоёр дуугүй л замын хажуугаар ургасан цэцгэн дундуур явж байлаа.
- Бас хамгийн түрүүн хэнийг урьж хүүхэлдэйн байшингаа үзүүлэхийг би шийднэ шүү. Ээж надад тэгээрэй гэж хэлсэн!
Хүүхэлдэйн байшин хашаанд ил байх хооронд сургуулийнхаа охидыг хоёр хоёроор нь урьж үзүүлэхийг зөвшөөрсөн ажээ. Мэдээжийн хэрэг, цай уулгах, гэр дундуур хэсүүчлэхийг хорьсон байв. Харин Лотти, Кезя хоёр баярлан харж, Изабель байшингаа магтан үзүүлэх зуур уригдсан хүүхдүүд хашаан дотор томоотой зогсож байх ёстой байлаа...
Хэдийгээр гурвуулаа их яарсан боловч сургуулийн эрэгтэй хүүхдүүдийн тоглодог талбайн хар давирхай түрхсэн хашаа хүрмэгц хичээлд орох хонх хангинажээ. Эгч дүү гурав дөнгөж малгайгаа авч, жагсаалд орж амжив уу, үгүй юу сурагчдыг нэрсээр нь дуудан бүртгэж эхлэв. За яах вэ. Изабель учиртай царайлж, дэргэдээ зогсож байсан охидод байн байн ийнхүү шивнэнэ:
- Завсарлагаанаар нэг юм хэлнэ, за юу.
Тэгж байтал завсарлагааны цаг ч болж, тэр дороо хүүхдүүд Изабелийг тойрон шавав. Түүний хамгийн сайн найз нь болох гэж ангийнх нь охид хоорондоо бараг зодолдох шахан, нэг нэгнийгээ түлхэн түүнийг тойрон зогсож, түүнийг тэврэн хамт явах, долигонон малилзах эрхийн төлөө тэмцэнэ. Изабель, тоглоомын талбайн нэг захад ургадаг нарс модон доор олон охид цуглуулжээ. Бие биенийгээ тохойгоороо ёврон, жиг жугхийн инээлдсээр охид улам ойртож шавиа. Харин Келвэйн хоёр охин тэр тойргийн гадна үлджээ. Тэр хоёр үргэлж ад үзэгдэж аливаа юмны гадна үлдэнэ. Бурнелийнхний хүүхдүүдтэй тоглож болохгүй гэдгийг тэр хоёр юу юунаас илүү сайн мэдэж байлаа.
Үнэнийг хэлбэл, Бурнелийнхэн өөр сургууль сонгох бололцоотой байсан бол хүүхдүүдээ энэ сургуульд явуулахгүй нь эргэлзээгүй. Гэвч тийм бололцоо үнэхээр байсангүй. Энэ бол ойр хавийн цорын ганц сургууль ажээ. Тийм болохоор энэ хавийн бүх хүүхэд, тухайлбал шүүгч, эмч, дэлгүүрийн эзэн. сүүний худалдагчийн охид аргагүйн эрхэнд холилдож нэг сургуульд суралцах ёстой байлаа. Түүгээр ч үл барам тус сургуульд мөн төдий тооны зэрлэг, бүдүүлэг хөвгүүд явдаг байжээ. Гэлээ ч гэсэн зааг тогтоодог шугам аяндаа гарсан байна. Тэр шугамыг Келвэйн хоёр хүүхдийн наагуур татаж, тэднийг цугаараа дээрэлхдэг болжээ. Бурнелийнхнээс авхуулаад олон ээж аав нар хүүхдүүддээ тэр хоёр охинтой үг солихыг хүртэл хориглодог байжээ. Бурнелийн хүүхдүүд тэр хоёр охины дэргэдүүр тоож ч харахгүй өнгөрдөг байв. Сургуулийн хүүхдүүд Бурнелийн охидын биеэ авч явахыг үргэлж дуурайдаг, харин Келвэйн хоёр охиныг хэн ч тоодоггүй байжээ. Тэр битгий хэл, Лил Келвэй багшдаа жирийн цэцгийн баглаа авчирч өгөхөд нь хоолойныхоо өнгийг эвгүй болгон ярьсан мөртөө бусад хүүхэдтэй болохоор уриалгахан инээмсэглэн ярьж байлаа.
Тэр хоёр охин бол өдөржин айл хэсэн явж өгсөн юмыг нь авч угааж өгдөг, намхан биетэй сэргэлэн зантай, ажилсаг эмэгтэйн хүүхдүүд байлаа. Ийм ажил олон хүнд шившигтэй мэт санагдана. Харин Келвэй гуай хаана байдгийг хэн ч тодорхой мэдэхгүй. Тэгсэн мөртөө хүн болгон түүнийг шоронд сууж байгаа гэж ярина. Тийм учраас хоёр охин угаагч эмэгтэй, шоронгийн хадаас болсон эр хоёрын хүүхдүүд болж таарч байлаа. Ёстой л хүүхдүүдээ үргэлж цуг байлгаж баймаар хүүхдүүд байгаа биз! Гаднаас нь харахад хүртэл эвгүй сэтгэгдэл төрнө. Чухам ямар учраас Келвэй авгай хүүхдүүдээ гаднаас тийм хачин санагдмаар явуулдаг байсныг тааж хэлэхэд бэрх. Хүмүүсийн өгсөн хуучин юмаар хийсэн хувцас өмсгөдөг байжээ. Эв хавгүй том биетэй, нүүрээрээ дүүрэн сэвхтэй, царай муутай Лил охин гэхэд л Бурнелийнхний ширээний ногоон бүтээлгээр их биеийг нь оёж, Логаныхны цонхны хөшигний улаан даавуугаар ханцуй оёсон хувцас өмсөж сургуульдаа ирдэг байв. Шонд угласан юм уу гэлтэй, гонзгой толгойд нь угласан малгай гэвэл, харваас нас бие гүйцсэн эмэгтэй хүний малгай байсан нь тодорхой бөгөөд дээр үед шуудангийн эзэгтэй байсан Лекки авхайн малгай байжээ. Малгайг араас нь шууж, том гэгчийн гал улаан өнгийн өд хатган оёж гоёсон байв. Ямар муухай бяцхан мануухай шиг харагддаг байсан гэж бодно! Түүнийг харсан хүн инээдээ барихын аргагүй. Эльс хэмээх бага охин нь унтлагын хувцас шиг урт гэгчийн цагаан хувцас, мөн эрэгтэй хүүхдийн гутал өмсдөг байжээ. Гэвч ямар ч хувцас өмссөн Эльсэд ерөөсөө зохидоггүй байлаа. Тэрбээр богино үстэй, жигтэйхэн том нүдтэй, намхан нуруутай, чөргөр охин байжээ. Ер нь яг л шар шувуу гэсэн үг! Түүний инээмсэглэж байхыг нь харсан хүн байхгүй, ярих нь ч хүртэл ховор. Лилийнхээ хормойноос тас зуурч, эгчийнхээ сүүдэр нь мэт газар сайгүй салахгүй дагаж явах ажээ. Тоглоомын талбайд ч тэр, сургуульд ирэхдээ ч, гэртээ харихдаа ч тэр, Лил түрүүлж, араас нь Эльс дагана. Гагцхүү ямар нэгэн юм хүсвэл, эсвэл амьсгаадвал Эльс Лилийг угзарч, Лил зогсож, яав хэмээн эргэж хардаг байв. Эгч дүү Келвэй нар бие биеэ ойлгохгүй байна гэж үгүй.
Одоо энэ хоёр шавааралдсан охидод гологдож зайдуухан газар эргэлдэх боловч яриаг нь чих тавин чагнана. Охид тэр хоёр уруу эргэж харан ярвайхад Лил сурсан янзаараа тэнэгдүү, ичингүйрэн инээмсэглэж, Эльс зүгээр л урдаас нь ширтэнэ.
Изабелийн бардам дуу сонстож, зогсоо зайгүй ярина. Хивстэй гэхэд бүгд нэгэн зэрэг дуу алдан гайхаж, бүтээлэгтэй ор, хаалттай зуух бий гэхэд бас л дуу алдацгаана.
Түүний ярьж дуусмагц Кезя дундуур нь орж,
- Изабель ээ, чи нөгөө дэнлүүг хэлэхээ мартчихлаа шүү дээ гэв.
Изабель,
- Нээрэн тийм. Шар шилээр хийсэн, цагаан бүрхүүлтэй бяцхан дэнлүү хоолны өрөөний ширээн дээр байгаа шүү дээ. Жинхэнэ дэнлүүнээс ялгахын аргагүй! гэв.
- Хамгийн гоё юм нь тэр дэнлүү! гэж Кезя хашхирав. Изабель, бяцхан дэнлүүний тухай дутуу ярьсан юм шиг түүнд санагджээ. Гэвч охид үгийг нь төдийлөн анхаарсангүй. Учир нь Изабель өнөөдөр гэртээ дагуулж очоод нөгөө байшинг үзүүлэх хоёр охиныг сонгож байлаа. Тэгээд Эмми Коул, Лина Логэн хоёрыг сонгожээ. Гэлээ ч гэсэн бусад нь цугаараа дараачийн ээлжид сонгогдохыг хүсэж байсан тул Изабельтэй туйлын уриалгахан харьцахыг хичээх аж. Хүн бүр Изабелийг бэлхүүсээр нь тэвэрч, ийш тийшээ авч явж, чихэнд нь нууцаа шивнэхийг оролдоно.
- Изабель бол миний хамгийн сайн найз гэж охин болгон хэлнэ.
Харин Келвэйн жаахан охидыг санах хүн алга байлаа. Тэр хоёрт өөр сонсох юм ч байсангүй.
Өдөр хоног ар араасаа цувран өнгөрнө. Хүүхэлдэйн байшинг үзсэн хүүхдийн тоо олшрох тусам түүний цуу улам нэмэгдэнэ. Хүүхдүүд ганцхан түүний л тухай ярьдаг болж, тэгэх ч ёстой юм шиг санагдана. Юуны түрүүнд
- Бурнелийнхний хүүхэлдэйн байшинг үзсэн үү? Нээрэн гоё юм билээ, тийм ээ? гэж асууна.
- Чи үзээгүй гэж үү? Өө яасан өөдгүй юм бэ?! гэх зэргээр ярилцана.
Түүгээр ч зогсохгүй үдийн цайны цагаар хүртэл хүүхдүүд хүүхэлдэйн байшингийн тухай ярих ажээ. Охид хонины махтай талх, цөцгийн тос түрхсэн буудайн бин барьж нарсны доор бөөгнөрч шулганалдана. Келвэйн хоёр охин зайдуухан суугаад, Эльс бас л Лидийнхээ хормойноос барьчихсан, хоёулаа охидын яриаг чих тавин чагнаж, жимсний чанамал түрхсэн, талхаа улаан улаан толбо болоон сонины цааснаас гарган хазаж зажилна.
- Ээж ээ, би Келвэйн охидыг ганцхан удаа авчирч болох уу? гэж Кезя ээжээсээ асуусанд,
- Яалаа гэж болох вэ, Кезя минь гэв.
- Яагаад?
- Кезя, чи явж тогло. Чи яагаад гэдгийг сайн мэдэж байгаа шүү дээ.
Тэгсээр Келвэйн хоёр охиноос бусад нь цугаараа хүүхэлдэйн байшинг үзжээ. Одоо тэр байшингийн тухай яриа сонирхолгүй болжээ. Үдийн цайны цаг болж, хүүхдүүд нөгөө л янзаараа нарс модны доор бөөгнөрөн зогсож байлаа. Гэнэт тэд цугаараа, хоёулхнаа зогсож, яриаг нь чих тавин чагнаж, сонинд ороосон талхаа идэж байсан эгч дүү хоёрыг харснаа, тэр хоёрыг айлгах дур нь хүрчээ.
- Лил Келвэй том болоод зарц болно гэж байна лээ гэж Эмми Коул шивнэв.
Изабель Бурнел түүнийг өлгөн авч Эмми уруу учиртайхан харснаа:
- Яана, ямар аймаар юм бэ? гэв.
Эмми улам учиртай царайлж, заримдаа ээжийнхээ нэг л сүртэй толгой дохидгийг нь дуурайж Изабель уруу толгой дохисноо,
- Нээрэн, нээрэн. Бүр нээрэн шүү гэлээ.
Тэгмэгц Лина Логаны жижигхэн хоёр нүд гялалзаж,
- Би тэр хоёроос асуучих уу? гэж шивнэв.
- Чи чадахгүй шүү дээ гэж Жесси Мэй хэлэв.
- Хн, яадаг юм бэ. Би ерөөсөө айхгүй гэж Лина хариулав. Тэгснээ гэнэт чарлаж доороо дэвхцэн бүжиглэв.
- За харж бай, харж байгаарай. Намайг харж бай! гээд Лина хөлөө нэг чирч, нэг гулгаж, нэг дэвхэрч, нэг гүйж Келвэйн охид дээр очлоо.
Лил хоолоо идэж байснаа дээш харснаа үлдсэн талхаа шалавхан сониндоо ороов. Эльс аман дахиа зажлахаа болилоо. Тэр хоёр, юу болох гэж байна гэсэн шиг дуугүй л сууна.
- Лил Келвэй, чи том болоод зарц болно гэдэг үнэн үү? гэж асуулаа.
Мэг хэсэг нам гүм болов. Тэгтэл Лил хариулахын оронд өнөө л сурсан янзаараа ичингүйрэн тэнэгдүү инээмсэглэв. Ийм юм асуусанд нь огт дургүйцсэн шинжгүй суух ажээ. Линагийн урам нь хугарсан гэж жигтэйхэн! Охид дор дороо жиг жуг инээлдэв.
Лина уурандаа шатах шахаж, хоёр гараа амандаа ойртуулснаа урагшаа огцом харайж:
- Тийм, танай аав шоронд бангаа! гэж үзэм ядсан дуугаар шивнэв.
Ийм юм хэлнэ гэдэг үнэхээр гайхамшигтай байсан учир охид учиргүй хөөрч баярлан хуй салхи мэт гүйлдэв. Нэг нь урт дээс олж, тэд дээс тоглолоо. Тэр өдөр шиг тийм өндөр үсэрсэн тийм хурдан гүйсэн удаа байсангүй. Тэр өдөр охид айхыг мартаж бахаа ханатал тогложээ.
Үдээс хойш Пэт хөнгөн сүйх тэрэгтэйгээ сургуулиар дайрч, Бурнелийн гурван охиныг гэр Уруу нь авч явлаа. Тэр өдөр тэднийд зочид иржээ. Изабел, Лотти хоёр гэртээ зочидтой байх дуртан учраас хувцсаа сольж өмсөхөөр дээшээ яаран гүйлдлээ. Харин Кезя арын хаалгаар сэмхэн гадагшаа гарчээ. Гадаа ойр хавьд хэн ч байсангүй. Кезя хашааны том цагаан хаалган дээр гарч цааш нааш савлуулан тоглолоо. Зам дээр хоёр бяцхан цэг үзэгдэв. Тэр хоёр улам улам томрох тул наашаа айсуй нь тодорхой ажээ. Нэг нь арай түрүүлж, нөгөөдөх нь хоцорсхийж явна. Келвэйн хоёр охин мөн болохыг танилаа. Кезя хаалган дээр тоглохоо больж, зугтах гэсэн мэт яаран газар буулаа. Тэгснээ тээнэгэлзэж зогсов. Келвэйн охид улам ойртох аж. Тэдний замыг хөндлөн огтолж бүр цэцэрлэгийн цэцгэнд хүрсэн урт сүүдэр нь хань болон дагана. Кезя нэг юм шийдсэн бололтой, эргэж хаалган дээрээ мацаж гарав.
Хажуугаар нь явж буй Келвэйн охидод хандаж,
- Хөөе, сайн уу? гэж хэлэв.
Цаадах хоёр нь ч ганхсандаа болоод тэр дороо зогтусан зогсчихов. Лил нөгөө л янзаараа тэнэгхэн инээмсэглэв. Эльс дэмий л гөлөрнө.
- Хэрэв та хоёр хүсвэл, наашаа орж ирээд манай хүүхэлдэйн байшинг үзэж болно шүү дээ гэж Кезя хэлээд хаалга нь савлахад нэг хөлөө газар чирэв. Гэвч Лилийн царай нь улайж, шалавхан толгойгоо сэгсрэв.
- Яагаад үгүй гэж? хэмээн Кезя асуув.
- Танай ээж та нарыг бид хоёртой ярихыг хориглосон шүү дээ гэж Лил арайхийн амьсгаа авснаа хэллээ.
- За... хэмээн Кезя хэлснээ цааш нь чухам юу гэж хариулахаа мэдэхгүй түгдэрснээ,
- Тэр яах вэ. Наашаа орж ирээд манай хүүхэлдэйн байшинг үзэж болно. Тэг тэг. Энд хэн ч байхгүй гэв.
Гэвч Лил толгойгоо улам хүчтэй сэгсрэв.
- Чи нээрэн хүсэхгүй байгаа юм уу? гэж Кезя асуув.
Тэгтэл гэнэт хормойноос угзрахад Лил эргэж харвал
Эльс нь том нүдээ бүлтийлгээд жигтэйхэн гуйсан маягтай ширтэж байлаа. Хөмсгөө зангидан, «Үзье л дээ» гэж шаардаж буй нь илт. Лил Эльс уруу нэг хэсэг тээнэгэлзэн харж зогстол Эльс дахин банзлаас нь татав. Тэгэхэд нь Лил зориглож урагш алхлаа. Кезя урд нь орж газарчлахад тэр хоёр төөрсөн муурын зулзага шиг хашаан дотуур хүүхэлдэйн байшинг чиглэн явлаа.
- За, энэ байна даа гэж Кезя хэлэв.
Тэр гурвын хэн нь ч яахаа ч мэдэхгүй хоромхон зуур хөдлөлгүй зогслоо. Лил шуухитнан амьсгална. Эльс чулуун хөшөө лүгээ адил хөшжээ.
- Би та хоёрт онгойлгож өгье гэж Кезя уриалгахан хэлээд дэгээг мулталж, нэг талын ханыг доош нь буулгахад тэр гурав байшингийн доторхыг харах бололцоотой болов.
- Хар даа, энэ бол зочдын өрөө, тэр бол хоолны өрөө, харин энэ бол...
- Кезя!
Тэр гурав үнхэлцгээ хагартал цочжээ!
- Кезя!
Энэ бол Берил ажаагийн дуу байв. Гурван охин эргэж харсанд байшингийн арын үүдэнд Берил ажаа зогсож байлаа. Тэрбээр нүдэндээ итгэхгүй байгаа юм шиг гайхсан царайтай зогсоно.
Тэрбээр жигтэйхэн уурласан хүйтэн дуугаар
- Чи яагаад Келвэйн хоёр зулбасгыг хашаан дотор оруулж ирсэн юм бэ? Хэн чамайг тэг гэсэн юм бэ? Чи эдэнтэй ярьж ч болохгүй гэдгээ надаас илүү сайн мэднэ шүү дээ. Аль вэ, хүүхдүүдээ, эндээс бушуухан гар, одоохон гар. Энд дахин битгий ирээрэй гэж Берил ажаа хэллээ. Тэгснээ тэр гурвын зүг дөхөж, шувуу үргээж байгаа мэт хачин дуу авиа гаргав.
Бардам, ярвагар дуугаар,
- Аль вэ, эндээс зайл! гэв.
Нөгөө хоёр ч дахин шаардуулсангүй. Ичсэндээ минчийтлээ улайж, нүүрээ хийх газар олохгүй байдгаараа тонгойжээ. Лил ээжтэйгээ адил бөгтийж, Элес баахан сандарч хашаан дундуур хар эрчээрээ гүйсээр хаалгаар шурган гарав.
- Хүний үгэнд ордоггүй янзын хүүхэд шүү! |гэж Берил ажаа Кезяг загнаж хүүхэлдэйн байшинг тасхийтэл хаав.
Ер нь тэр өдөр Берил ажаагийн хувьд тун муухай өдөр байжээ. Вилли Брэнт, хэрэв өнөөдөр орой Пулмэн Буш хэмээх газар хүрч ирэхгүй бол шууд гэрт чинь очиж, яагаад ирээгүй вэ гэж асууна хэмээн айлган сүрдүүлсэн үгтэй, аймшигтай захиа ирүүлжээ. Харин одоо Келвэйн хоёр хүүхдийг үнхэлцгийг нь хагартал айлгаж, Кезяг сайн загнаж бахаа хангасан тул санаа нь уужирчээ. Сэтгэлийнх нь шаналал замхран арилж, мөрөн дээрээс нь нэг хунд ачаа аваад хаячихсан юм шиг болоод гэртээ оров.
Келвэйн хоёр охин Бурнелийнхээс хөөгдөж гарснаасаа хойш тувт гүйсээр тэднийхээс нэлээд холдож, замын хажуугаар тавьсан муу усны улаан өнгийн хоолойн дэргэд амрахаар суулаа. Лилийн хацар халуу төөнөн шатна. Өдтэй малгайгаа авч өвөр дээрээ тавив. Тэр хоёр, тал талаас нь хашсан бэлчээр, голын тохой, бургас сүлжин босгосон хашаа. дотор нь сүүгээ саалгах гэж хүлээн зогсож буй Логаны үнээнүүдийг давуулж тэртээ алсыг мөрөөдсөн маягтай ширтэнэ. Юун тухай бодож бай|гаа нь тэр юм бол доо, хөөрхий?..
Эльс, эгчийгээ тохойгоороо зөөлөн ёворч улам дөхөж суув, Харин одоо тэр хоёр нөгөө ууртай авгайг мартаж, дүү нь хуруугаараа эгчийнхээ малгайны өдийг илснээ бараг огт инээдэггүй мөртөө инээмсэглээд,
- Би тэр бяцхан дэнлүүг үзсэн гэж аяархан хэлжээ.
Тэгснээ тэр хоёр дахин дуугүй болов.


Top
   
PostPosted: Sep.12.17 12:04 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.07.17 1:28 pm
Posts: 4
Surfer энэ номныхоо нэрийг, чадвал хавтасны зургийг харуулаач тэгэх үү :hi: Олон жил хайж байгаа ном маань байх шиг байна. Өртөөний сумчин гээд өгүүллэгтэй мөн биз дээ?


Top
   
PostPosted: Sep.12.17 7:40 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Rolf wrote:
Surfer энэ номныхоо нэрийг, чадвал хавтасны зургийг харуулаач тэгэх үү :hi: Олон жил хайж байгаа ном маань байх шиг байна. Өртөөний сумчин гээд өгүүллэгтэй мөн биз дээ?


Мөн мөн... Хатсан гар гээд англи өгүүллэгүүдийн түүвэр байгаа. Орчуулагч нь манай гутгаар ерөнхийлөгч.... Өнөө маргаашгүй фэйс дээр kiebooks групп дээр орно


Top
   
PostPosted: Sep.12.17 9:02 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
ЧАРЛЬЗ ДИККЕНС - СУМЧИН

“Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу!”
Тэрбээр ийнхүү өөрийг нь дуудаж байх үед дарцгаа богинохон ишинд нь ороож нэг гартаа барин бүхээгийнхээ үүдэнд зогсож байлаа. Тэр хавийн газрын байдлыг харахад, чухам хаанаас хүний дуу гарч буйг амархан тааж болох мэт санагдана. Гэтэл нэлээд өндөр эрэг маягийн! газар зогсож буй над уруу өөдөө харахын оронд биеэрээ бүтэн эргэж, төмөр замын дагуу харав. Түүний эл хөдөлгөөн нэг л хачин боловч чухам юу нь хачин санагдсаныг би хэрхэвч хэлж чадахгүй байлаа. Гэвч жаргаж буй нарны догшин улаан туяанд умбан өндөр дов дээр зогсож байсан би, надаас доор сүүдэрт зогсож буй жижигхэн хүүхэд лүгээ адил харагдах хүнийг гараа саравчлан харж байсан боловч түүний эл хачин хөдөлгөөн аргагүй миний анхаарлыг татлаа.
“Хөөе! Тэр доор байгаа хүн!”
Төмөр замын дагуу харж байснаа больж, дахин биеэрээ бүтэн нэг эргээд дээш өлийн намайг сая олж харав.
- Наад уруу чинь буух зам бий юу? Хэд гурван үг солих гэсэн юм.
Надад юу ч хариулалгүй хараад байхад нь би дэмий юм асууж шавдуулалгүй азнаж урдаас нь харж зогслоо. Яг энэ мөчид газар, агаар хоёр үл мэдэг доргих шиг болж, нүд ирмэх зуур эргэн тойрон тэр аяараа аймшигтайгаар чичрэн донслов. Хурдлан айсуй галт тэрэгнээс өөрийн эрхгүй цочин арагшаа ухрав. Миний хажуугаар түжигнэн өнгөрч, одоо тэртээ алсыг зорин хурдалж буй галт тэрэгний утаа манан нь дээш хөөрөн замхарч, орчны юм харагдахуйц болоход би дахин доош харвал нөгөө хүн галт тэрэг хажуугаар нь өнгөрөхөд дэлгэж далласан тугаа дахин ишинд нь ороон зогсож байлаа.
Би түүнээс нөгөө асуултаа давтан асуув. Намайг анхааралтай ширтэж байснаа өнөөх тугаараа, эндээс хоёр гурван зуун алхмын цаана доошоо буух зам бий гэж заав. Би “За за!” гэж хэлээд заасан газрыг нь чиглэн алхав. Очоод харвал мурийж тахирлан уруудсан зам байлаа. Би ч тэр замаар доошиллоо.
Зам нэлээд урт, мөлгөр мөлгөр чулуу бүхий бөгөөд доошлох тусам улам нойтон, халтиргаатай, шавар шавхайтай болох тул би тун болгоомжтой, удаан уруудахдаа саяын хүн надад зам заахдаа нэг л дурамжхан, тэгсэн хэр нь зааж өгөхөөс өөр аргагүйдсэн юм шиг байсныг нь санаж явлаа.
Би мушгирсан замаар уруудсаар нэлээд доор саатан зогсож нөгөө хүнийг харвал, саяхан галт тэрэг явж өнгөрсөн төмөр зам дээр намайг хэзээ гарч ирэх бол гэсэн байдалтай хүлээн зогсож байлаа. Зүүн гараараа эрүүгээ атгаж, баруун гараараа зүүн гарынхаа тохойг түшин зогсох бөгөөд миний бууж ирэхийг хүлээн, анхааралтай ширтэн зогсохыг хараад би баахан гайхлаа.
Би замаараа уруудсаар төмөр зам дээр гарч ирээд өөдөөс нь явж байхдаа, тас хар үстэй, цонхигор царайтай, хар сахалтай, өтгөн хөмсөгтэй хүн ажээ. Түүний ажлын байр шиг тийм уйтгартай, бөглүү газар би урьд өмнө ер хараагүй. Хагалсан чулуу өрж босгосон, үргэлж борооны ус нэвтэрч байдаг ханатай байшин байлаа. Энэ байшинг хонхор газар барьсан учир эндээс хаашаа ч харсан харц тулах бөгөөд тэнгэр зурвас төдий харагдана. Энэхүү шорон шиг байшин дотроос нэг тийш харвал, том дэгээ мэт мушгирсан төмөр зам, нөгөө тийш харвал, уйтгарт улаан гэрэл болон хонгилын харанхуй ам хоёр л харагдана. Аварга том хадан уулыг нүхлэн гаргасан хонгил уруу харахад байдал нь нэг л догшин зэрлэг, санаа сэтгэл унагамаар, хориглож хаасан мэт санагдах ажээ. Ертөнцийн энэ хэсэгт нар тусах нь ховор учраас чийгтэй муухай үнэр ханхална. Энд хүйтэн салхи нэвт шувт үлээх тул маш хүйтэн бөгөөд огт амьдралгүй өөр ертөнцөд оччихсон юм шиг санагдав.
Түүнийг хөдлөлгүй зогссоор байхад нь би нэлээд ойртлоо. Дэргэд нь очиход надаас нүд салгалгүй ширтэн нэг алхам ухарснаа гараа өргөв.
- Хүн суухад уйтгартай бөглүү газар юмаа даа гэж хэлээд би түүнийг доороос нь дээш өгсүүлэн шинжин харвал, байдал нь аргагүй хачин санагдав. Энд зочин гийчин гэж бараг ирдэггүй бололтой хэмээн дотроо таамаглаж тийм ч учраас энэ хүн зочин ирэхэд дургүйцдэггүй болов уу хэмээн горьдов. Намайг, насан туршдаа хязгаарлагдмал, хавчигдмал амьдарч байгаад дөнгөж сая эрх дураараа болж, энэ аугаа их ажил үйлсийг анх удаа цоо шинээр сонирхон харж байгаа хүн байна хэмээн бодож байгаа бололтой. Тийм ч учраас би яриа өдлөө. Харин чухам ямар үг хэлснээ сайн санахгүй байна. Учир нь би угаасаа яриа эхлэх дургүй, тэгээд ч тэр хүнд айдас хүргэсэн ямар нэгэн эвгүй юм байлаа.
Хонгилын амны дэргэдэх улаан гэрэл болон тэр хавийн зүйлээс нэгийг үгүйлсэн мэт гайхсан байртай харж байснаа над уруу харлаа.
Тэр гэрлийг бас харж хамгаалж байх ёстой юм болов уу? Үгүй юм болов уу?
- Тийм ээ, та мэдэхгүй гэж үү? хэмээн баргил дуугаар хариулав.
Түүний гөлийсөн нүд, дүнсгэр царайг хараад энэ бол хүн биш хий үзэгдэл байна гэсэн эвгүй бодол төрөв. Тэгээд ер нь ухаан санааны согогтой юм биш байгаа даа ч гэсэн бодол төрж гайхлаа.
Би ч мөн адил ухрав. Харин ухарч байхдаа тэр хүний нүдэнд далд айдас буйг ажиж мэдлээ. Тэгмэгц нөгөө эвгүй бодол ч замхран арилав.
Би хүчээр инээмсэглэж,
Надаас айгаа юу? Ямар сүрхий харах юм бэ гэж хэллээ.
- Би таныг урьд өмнө харсан юм шиг санагдаж баахан эргэлзлээ гэж нөгөө хүн хариуллаа.
- Хаана?
Нөгөө улаан гэрэл уруу заахад нь би:
- Тэнд үү? гэж асуув.
Намайг сүрхий харсан хэвээр,
- Тийм гэж огт дуу гаргалгүй хариулав.
- Найз минь, чи юу ярьж байна? Би тэнд элэнцгээ хийх юм бэ? За яах вэ, намайг тэнд харсан юм шиг санагдаж болно. Гэвч би тэнд очиж ер үзээгүй гэж андгайлахад бэлэн байна.
Тэрбээр зөрж хэлсэн нь:
- Үгүй ээ, би үнэхээр харсан. Яах аргагүй л харсан юм даа.
Удалгүй бид хоёр хэн хэнийхээ ярих, хөдлөхөөс цэрвэж сэжиглэхээ болилоо. Мингай хэлсэнд дургүйцсэн шинжгүй, хэлэх үгээ сайтар эргэцүүлэн дэнсэлж байгаад уриалгахан хариулна. Хийх ажил ихтэй юу? Байлгүй яах вэ, байлгүй яах вэ ч гэж дээ, нэлээн хариуцлагатай ажил шүү. Гэхдээ цагаа ягштал барих, туйлын анхааралтай байх хоёр л шаардагдаж, яг тогтмол хийх ажил гээд байх юм үгүй билээ. Дохиогоо солих, гэрлээ бэлдэх, төмөр бариулыг нэг ийш нь, нэг тийш нь хөдөлгөх зэрэг ердөө л ийм хэдхэн ажилтай гэж хариулав. Ганцаархнаа өнгөрүүлдэг олон уйтгарт цаг надад тун хэцүү мэт санагддаг байсан харин нэгэнт амьдрал нь ийм хэлбэр олсон хойно түүнд дасах хэрэгтэй гэж хариуллаа. Энэ хонхорт байхдаа хэлийг дүрс үсгээр нь ойлгож, дуудлагын талаар туйлын бүдүүн бааз ойлголттой байхыг хэл сурч байгаа гэж хэлж болдог бол бие даан хэл судалдаг байлаа. Бутархай тоо, аравтын бутархай бодож, бас ч гэж жаал зугаа алгебр үзжээ. Тэглээ ч гэсэн хүүхэд байсан үе шигээ тоонд сайн биш байлаа. Ажилд гарахдаа үргэлж л энэхүү чийгтэй хоолойд байх ёстой юм уу? Энэ чулуун ханан дундаас дээшээ нарны гэрэлд хэзээ ч гарах эрхгүй гэж үү? Яалаа гэж, хэзээ, ямар нөхцөлд байгаагаас шалтгаална. Зарим үед төмөр зам хөдөлгөөн багатай байдаг. Зарим үед шөнийн цагаар бараг хөдөлгөөнгүй болдог. Цэлмэг тэнгэртэй сайхан өдөр болоход бололцоог нь тааруулж байгаад нар үзэхээр дээшээ гардаг байжээ. Гэвч цахилгаан хонх хангинамагц ажлынхаа байранд бэлэн байх ёстой учраас наранд гарсан хойно хонх дуугарчих бий хэмээн чих тавин чагнаж, улам л сэтгэл нь түгшдэг тул сүүдрээс наранд гарлаа гээд жаахан ч гэсэн амарсан, болдоггүй аж.
Намайг бүхээгтээ оруулахад дотор нь орж харвал, пийшин, хааяа тэмдэглэл хөтөлдөг ажлынхаа дэвтрийг тавьдаг ширээ, харилцуурын утас, хэдэн зүү, нөгөө ярьж байсан жижиг хонх зэргийн юм байлаа. Таны боловсрол нэлээн өндөр, ямар ч байсан та боловсролын хувьд энэ өртөөний ажилд ахадсан хүн байна гэж эрхбиш учрыг нь ойлгож миний хэлснийг уучилна биз хэмээн бодож хэлэхэд (миний энэ үгэнд гомдоогүй байх) ер нь олон хүнтэй газар иймэрхүү маягаар ажил нь хүндээ, эсвэл хүн нь ажилдаа тохирохгүй байх явдал цөөнгүй тохиолддог юм гэж хариулсан билээ. Тийм явдал үйлдвэр, цагдаагийн газар, эсвэл эр хүний хоолтойгоо залгах эцсийн арга болсон армид тохиолддог гэж дуулддаг: мөн аливаа томоохон төмөр замын ажилтад ажилчдын дунд их бага хэмжээгээр тохиолддогийг мэднэ. Залуу зандан насандаа (би энэ овоохойд нь сууж байхдаа түүний хэзээ нэгэн цагт залуу явсан гэдэгт итгэж чадахгүй байсныг нуух юун) их сургуулийн гүн ухааны ангийн оюутан байхдаа лекц, хичээлд бишгүйдээ л суужээ. Гэвч томоогүй зам гаргаж олдсон бололцоонуудыг буруу ашиглан, амьдралаа нураагаад дахин өөдөлсөнгүй. Одоо хэндээ ч гомдох вэ дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй хойно. Өөрөөр амьдаръя гэтэл нэгэнт оройтжээ.
Энд миний хэдхэн үгээр товчхон хэлснийг тэрбээр яаралгүй, асаж байсан гал бид хоёрт эн тэнцүү хүндэтгэл үзүүлэн гунигтай дүнсийн хүүрнэсэн юм. Одоо байгаагаас нь өөр хүн байснаар бүү ойлгоорой гэж гуйсан боловч үе үе ялангуяа залуу насныхаа тухай ярихдаа “ноёнтон” гэсэн үг хавчуулна. Хонхны дуу түүний яриаг хэд хэдэн удаа тасалж, ирсэн мэдээг уншин, хариу өглөө. Нэг удаа галт тэрэг өнгөрөхөд, гадаа гаран үүдэндээ тугаа барин зогсож, галт тэрэгний жолоочтой хэдэн үг солилоо. Албан үүргээ гүйцэтгэхдээ тун хариуцлагатай чамбай ханддаг нь өөрийн эрхгүй нүдэнд тусна. Яриагаа тэг дунд нь тасалж, ажлаа хийж дуустлаа ганц ч үг дуугарахгүй аж.
Нэг үгээр хэлэхэд би түүний тухай ажилдаа өө сэвгүй сайхан тохирсон хүн байна гэсэн дүгнэлт хийх гэж байтал надтай ярьж суухдаа хоёр ч дахин царай нь хувирч, жижигхэн хонх дуугараагүй байхад тийш харж, гаднаас биед муу чийг орж ирэхээс сэрэмжилж хаасан хаалгаа дэлгэж, хонгилын амны дэргэдэх улаан гэрэл уруу харав. Тэгээд галын дэргэд ирэхдээ анх уулзаад би учрыг ололгүй гайхаж байсан нөгөө үл ойлгогдом хачин янзтай болсон байв.
Би явахаар завдан босохдоо:
- Таныг хараад сэтгэл хангалуун яваа хүн шиг санагдаад байна шүү гэв.
(Би зориуд яриа өдөн тэгж хэлснийгээ нуух юун).
Тэрбээр анх уулзаад ярьж байсан шигээ нам дуугаар:
- Би тийм хүн болсон байж магадгүй шүү. Гэхдээ, ноёнтон минь, үнэн хэрэг дээрээ миний сэтгэл их зовж байгаа юм даа гэлээ.
- Юунд? Яагаад зовж байгаа юм бэ?
- Хэлэхэд амаргүй, ноёнтон минь, хэцүү, мөн хэцүү байна. Харин та дахин нэг ирвэл би танд ярьж өгч болно.
- Тэгэлгүй яах вэ, би дахин заавал ирнэ. Харин хэзээ байж болох вэ?
- Би өглөө эрт бууна. Тэгээд маргааш оройн арван цагаас дахин ажилдаа гарна, ноёнтон.
- Тэгвэл би арван нэгд ирье.
Надад талархсанаа хэлж, намайг үүд хүртэл гаргаж өгөөд нөгөө хачин нам дуугаараа,
- Таныг эндээс дээш гарах замаа олтол цагаан гэрлээ асаалттай нь барьж байя, ноёнтон. Харин та замаа олсон гэж битгий хашхираарай! Дээшээ гарсан хойноо ч гарснаа мэдэгдэх гэж бүү хашхираарай! гэв.
Түүний ерөнхий байдал, тэр хавийн газрыг улам хүйтэн болгох шиг санагдлаа. Гэвч би хариуд нь ердөө л “За тэгье” гэхээс өөр юм хэлсэнгүй.
- Маргааш наашаа бууж ирэхдээ битгий дуу өгч хашхираарай! Таныг явахаас өмнө нэг юм асууя. Та яагаад өнөөдөр “Хөөе! Төр доор байгаа хүн дуулж байна уу?” гэж хашхирсан бэ?
- Бүү мэд, тэнгэр л мэднэ биз. Нээрэн би тиймэрхүү үг хэлсэн байх шүү... гэж би хэлэв.
- Тиймэрхүү биш ээ, ноёнтон. Яг тийм үг хэлсэн. Би энэ үгийг сайн мэднэ.
- Нээрэн тийм үг хэлсэн байх шүү. Гэхдээ би таны доор байсныг л хараад тэгж хэлсэн байх аа.
- Өөр ямар ч шалтгаан байгаагүй гэж үү?
- Өөр ямар шалтгаан байх вэ дээ?
- Ямар нэгэн далдын хүч тэр үгнүүдийг танд шивнээгүй биз?
- Үгүй ээ.
Надад сайн явахыг ерөөгөөд, асаалттай гэрлээ дээш өргөн барьсаар хоцров. Төмөр замын дагуу нэлээд уруудаж явтал нөгөө зам ч олдлоо. Араас юу юугүй галт тэрэг гүйцэж ирэх гээд байгаа юм шиг санагдах нь эвгүй. Замаар өгсөх нь уруудахаас хялбар байсан учир би элдэв явдалтай учралгүй зочид буудалдаа хүрэв.
Маргааш нь би яг болзсон цагтаа нөгөө тахиралдсан зам дээр хөлөө тавимагц тэртээ алсад арван нэгэн цаг дэлдэж буй чимээ сонстов. Тэрбээр намайг замын эцэст гэрлээ асаагаад барьчихсан хүлээж байлаа. Би дөхөж очоод “Би хашхираагүй шүү. Одоо энд ярьж болох уу?” гэв. “Бололгүй яах вэ, ноёнтон”. “Тэгвэл амар байна уу гэж мэнд усаа мэдэлцэж, гараа барьчихъя.” “Сайн та амар сайн уу? Гар баръя”. Тэгээд бид хоёр мөр зэрэгцэн алхсаар нөгөө бүхээгт хүрч, дотогшоо орон хаалгаа хааж аваад, галын дэргэд суулаа.
Бид хоёр галын дэргэд суумагц сумчин урагш тонгойж их нам дуугаар, шивнэх шахам,
- Би шийдлээ, ноёнтон. Намайг юу зовоогоод байгаа тухай танаар дахин асуулгаад юу хийх вэ. Өчигдөр орой би таныг өөр хүнтэй андуурч, сэтгэл санаа үймж зовлоо.
- Андуурсандаа юу?
- Үгүй ээ. Тэр хүн л ирэв үү гэж бодоод.
- Юун хүн юм бэ?
- Мэдэхгүй ээ.
- Надтай адилхан юм уу?
- Мэдэхгүй ээ. Би царайг нь огт хараагүй. Харин зүүн гараараа нүүрээ халхалж, баруун гараараа даллаж байсан, тэгэхдээ бүр жигтэйхэн даллаж байсан. шүү. Ингэж...
Тийнхүү даллаж үзүүлэхийг нь харвал, “Хөөе, наад замаасаа зайлаач!” хэмээн учиргүй шаардан загнаж буй хүний хөдөлгөөн байлаа.
- Нэг удаа сартай шөнө байсан юм даг, би энд сууж байлаа. Тэгтэл “Хөөе. Тэр доор байгаа хүн дуулж байна уу?” гэж хашхирах дуулдав. Би гайхан шалавхан босож, хаалгаа нээн гадагшаа харвал, өнөөх хүн хонгилын амны улаан гэрлийн дэргэд зогсож, сая миний үзүүлсэн шиг даллаж байсан юм. Тэр хүн хашхирсаар хоолой нь сөөсөн мэг дуугаар “Хараач! Хараач!” гэснээ “Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу?! Хараач!” гэлээ. Би чийдэнгээ шүүрэн авч, улаан гэрлийг нь асаан өнөөх хүний зүг хар хурдаараа гүйнгээ, “Юу болохоо болчхов оо? Юу болов? Хаана?” гэж хашхирсан юм. Тэр хүн хонгилын харанхуй амны дэргэд зогсож байлаа. Би түүнд нэлээд ойртож очсон тул түүний нэг ханцуйгаараа нүүрээ халхлахыг хараад яаж байгаа нь энэ вэ хэмээн гайхсан юм. Би гүйсээр яг дэргэд нь очиж, ханцуйнаас нь татан, гарыг нь доош буулгахаар гараа өргөтөл нөгөө хүн яваад өгсөн юм.
- Хонгил уруу орчихсон уу? гэж би асуув.
- Үгүй ээ, би тэр чигээрээ гүйсээр хонгилд орж, таван зуун алхам хэртэй газар гүйлээ. Тэгээд чийдэнгээ бүр дээш өргөж харвал, замын уртыг заасан тоо бүхий тэмдгүүд, хана даган гулдан хаалганы завсраар урссан мөр толбо л харагдсан юм. Би тийм газар удаан байж чаддаггүй тул орсноосоо ч хурднаар гүйн гарч тэнд байдаг улаан гэрлийг тойруулан улаан гэрлээ асаан нэлээн сайн шалгаж, олсон шатаар авиран гэрэл зоосон тавцан дээр гарч, дараа нь бууж, байрандаа гүйж ирсэн юм. Би хоёр тийш нь цахилгаан явуулж, “Түгшүүрийн дохио ажиллалаа. Ямар нэгэн осол гэмтэл гарсан уу?” гэж асуув. Хоёр талаас “Бүх юм зүгээр” гэсэн хариу ирсэн билээ.
Хэдийгээр түүний яриаг сонсоод миний нуруугаар хүйт оргин бие зарсхийсэн боловч би тайван байхыг хичээж, түүний нүдэнд үзэгдсэн хүн бол хий үзэгдэл байж болно, харин тэр тоонуудын хувьд гэвэл, хүний нүдний ажиллагааг удирдаж байдаг туйлын нарийн бөгөөд эмзэг мэдрэлийн өвчин үрэвслээс болж нүдэнд элдвийн юм үзэгддэг бөгөөд зарим нь зовлонгоо зөв ойлгож, өөр дээрээ туршлага хийж өвчин хүрснээ баталдаг явдал хүртэл бий. “Харин хүний хашхирах дуу дуулдсаны тухайд бол бид хоёр ингэж дуугаа намтган ярьж байх хооронд эл жирийн бус хачин хөндийд салхилахад ямар дуу гарч байна, салхи үлээхэд шонгийн модны утаснууд юутай аймшигтайгаар дуугарч буйг сонс л доо” гэж би түүнд хэллээ.
Тэрбээр нэг хэсэг салхины чимээ, шонгийн модны угасны улих дууг чагнан суулаа. Хэчнээн олон өвлийн урт шөнийг энд гав ганцаараа нүдээ чавчих завгүй өнгөрөөсөн бол гэж би түүний тухай бодов. Гадаа салхилахыг чагнаж байгаад
- Нээрээн тийм байна шүү. Гэхдээ би яриагаа дуусгаагүй ээ хэмээв.
Би түүнээс уучлал гуйж, тэрбээр миний гарт хүрэн хүрэн цааш нь ингэж хүүрнэв.
- Тэр хий үзэгдэл үзэгдсэнээс хойш зургаан цаг ч өнгөрөөгүй байтал яг энд төмөр замын аймшигтай том осол гарч, арван цаг ч өнгөрөөгүй байхад үхсэн шархадсан хүмүүсийг хонгилоос гаргаж, нөгөө хүний зогсож байсан газрын хажуугаар авч явсан юм даа.
Миний хамаг бие эвгүйцэн дагжихад би сэтгэлээ барьж тэвчив. Үнэхээр энэ хоёр явдал тохиолдсоныг үгүйсгэх аргагүй учраас түүний санаанд гүнзгий хоногшин үлджээ гэж би үгийг нь зөвшөөрөв. Гэлээ ч гэсэн үнэхээр ийм явдлууд цаг ямагт тохиолддогийг мартаж болохгүй. Гэвч эрүүл саруул ухаантай хүмүүс амьдралын тухай дүгнэлт хийхдээ энэ мэтийн сонин хачин явдлыг дэвэргэж сүйд майд болдоггүй гэж (сумчин тэр явдлыг надад итгүүлэх гээд байх шиг санагдсан учраас) би хэллээ.
Тэгтэл сумчин яриагаа хараахан дуусгаагүй шүү гэдэг юм байна.
Би дахин яриан дундуур нь орсондоо уучлалт гуйлаа.
Тэрбээр гараа дахин миний гар дээр тавьж, мөрөн дээгүүрээ хүйтэн, хөндий харцаар харж,
- Энэ явдал яг жилийн өмнө болсон юм. Тэгээд зургаа, долоон сар өнгөрч, би ч айж, гайхсанаа овоо мартагнаад байлаа. Гэтэл нэг өглөө, үүр цайхын үед би үүдэндээ зогсож байгаад улаан гэрэл рүү хартал нөгөө хүн дахин үзэгдэв гэж ярьснаа дуугаа хураан намайг ширтэв.
- Хашхирч байсан уу?
- Үгүй ээ. Дув дуугүй зогсож байсан.
- Гараараа далласан уу?
- Үгүй. Харин гэрлийн шон уруу бөхийн хоёр гараараа нүүрээ таглаж байсан. Яг ингэж...
Би түүний хөдөлгөөнийг ажиглалаа. Энэ бол аргагүй л уй гашууд автсан хүний хөдөлгөөн мөн байлаа. Хүмүүсийн шарил дээр яг иймэрхүү чулуун хөшөө байхыг би олонтоо харсан.
- Та тийшээ очсон уу?
- Би шалавхан байшиндаа орж суусан. Ухаан алдах шахсан тул санаа бодлоо цэгцлэхийн тулд тайвшрах хэрэгтэй байсан юм. Тэгээд дахин үүдэн дээрээ гарч үзвэл хэдийн үүр цайсан, нөгөө сүнс явчихсан байлаа.
- Дараа нь юу ч болоогүй юу? Яагаа ч үгүй юу?
Сумчин долоовор хуруугаараа миний гарт хоёр гурван ч удаа хүрч, хүрэх тоолондоо толгойгоо айдас хүрмээр дохиж өгүүлсэн нь:
- Яг тэр өдөр, галт тэрэг хонгилоос гарч ирээд миний дэргэдүүр өнгөрөхөд нэг цонхны цаана олон толгой, гар хөл дээр доороо орон бужигнаж байгаа мэт харагдаж, нэг юм даллах шиг болсон юм. Би тэр дор нь “Зогс!” гэсэн дохио өгөхөд, жолооч ч галт тэрэгнийхээ тоормосыг дарав. Гэвч галт тэрэг эрчээрээ даруй зуун тавь гаруй алхам хиртээ газар явж байгаад зогссон. Би араас нь даган гүйж зогсоход нь гүйцэж очоод дэргэдүүр нь алхаж байхад дотор нь зүрх шимшрэм орилж, чарлах дуу сонстсон. Гоо үзэсгэлэнтэй залуухан бүсгүй галт тэрэг дотор гэнэт нас баржээ. Түүнийг буулгаж, одоо энд шалан дээр, бид хоёрын хоорондох зайд тавьсан юм гээд гараараа заахад нь би эвгүйрхэж, өөрийн эрхгүй хойш болж, сандалтайгаа хамт арагшаа ухарлаа.
- Нээрэн шүү, ноёнтон минь. Яах аргагүй үнэн. Яг л миний танд ярьснаар болсон юм.
Би мэл гайхаж, юу хэлэхээ мэдэхгүй дуугүй л сууж, ам ч хатсан гэж жигтэйхэн. Гадаа салхи үлээж, шонгийн модны утсаар тоглож, саяын ярьсан түүхийг аймшигт аянд оруулан улин исгэрнэ.
Сумчин яриагаа үргэлжлүүлэн:
- Ноёнтон минь, одоо та миний сэтгэл ямар их түгшиж буйг ойлгож байгаа биз дээ. Нөгөө хий үзэгдэл долоон хоногийн өмнө дахин ирсэн шүү. Дараа нь ч гэсэн үе үе, гэнэт гэнэт үзэгдээд л байгаа.
- Замын гэрэл асаж байхад уу?
- Аюулын гэрэл асаж байхад.
- Тэгээд юу хийгээд байгаа юм шиг санагдах юм бэ?
Сумчин урьд урьдынхаасаа улам сүртэйгээр, улам хүчтэйгээр нөгөө л “Хөөе! Наад замаасаа зайлаач!” гээд зангаж байсны нь давтан үзүүлэв.
Тэгснээ цааш нь ярьсан нь:
- Би тайван байх аргагүй боллоо. Тэр үзэгдэл сав л хийгээд чих дөжрөм чанга дуугаар “Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу! Болгоомжтой, болгоомжтой байгаарай!” гээд хашхирах юм. Над уруу харж даллаад л, миний бяцхан хонхыг дуугаргаад л байна даа...
Би яриаг нь тасалж,
- Өчигдөр намайг энд байх хооронд чи хаалга уруугаа очсоныг анзаарсан.. Тэгэхэд хонхыг чинь дуугаргасан юм уу? гэв.
- Хоёр ч удаа.
- Яагаад хий юм сонсож, үзээд байгаа юм бол доо.
Би тэгэхэд хонхыг чинь харж байсан. Үнэхээр дуугарсан бол би бас л дуулах байсан шүү дээ. Би амьд хүн л юм бол хонх чинь хоёр дуугарч байхад би хоёуланд нь дуулах л ёстой. Гэтэл чамд буудлаас дохио явуулахад л дуугарснаас биш таг дуугүй байсан шүү дээ.
Сумчин толгойгоо сэгсрэв.
- Үгүй ээ, би хэзээ ч андуурч байгаагүй, ноёнтон.
Би хэн хонх дуугаргаж байгааг, хий үзэгдэл үү эсвэл жинхэнэ хүн үү гэдгийг андуурахгүй шүү. Хий үзэгдэл хонх дуугарахад дуу нь нэг л сонин хөндий, гэнэт үүссэнээ, гэнэт замхран арилдаг юм. Тэгээд ч би, хонх дуугарахдаа хүний нүдэнд харагдахаар хөдөлдөг гэж хэлээгүй шүү Та хонх дуугарсныг сонсоогүйг гайхах юмгүй. Харин хонх яах аргагүй дуулсан юм.
- Тэгвэл чи хонх дуугармагц гадагшаа шагайхад хий үзэгдэл харагдсан уу?
- Харагдсан. Тэнд зогсож байсан.
- Хоёр удаа хоёуланд нь уу?
Тэрбээр,
- Хоёуланд нь гэж сумчин огтхон ч эргэлзээгүй хариуллаа.
- Тэгвэл одоо хоёулаа гарч, хий үзэгдэл өнөөх газраа зогсож байгаа эсэхийг үзэх үү?
Сумчин нэг л дургүйцэж буй мэт доод уруулаа хазалснаа бослоо. Би хаалга нээж шатан дээр, сумчин үүдэндээ зогсов. Алсад “Аюултай” гэсэн дохио, хонгилын гунигт хар ам харагдана. Нойтон, өндөр эгц чулуун хана харагдана. Дээш харвал тэнгэрт одод түгсэн ажээ.
- Нөгөөдөх чинь харагдаж байна уу? гэж би асуухдаа нүүр царайных нь байдлыг онцгой ажив. Хөмсгөө зангидан алсыг нүд цавчилгүй ширтэнэ. Би ч бас нүдийг нь дагуулан харахдаа түүнээс өөрцгүй байсан буй заа,
- Үгүй ээ, харагдахгүй байна гэж тэр хариулав.
- Нээрэн тийм байна.
Бид хоёр дотогшоо орж хаалгаа хаагаад сандал дээрээ суув. Би энэ завшааныг (тэгж хэлж болдог бол) хэрхэн улам аятай болгох тухай бодож суутал, бид хоёрын хооронд тэрхүү хий үзэгдлийн тухай сүрхий асуудал байгаагүй юм шиг яриагаа хэнэг ч үгүй үргэлжлүүлэхэд нь би туйлын арчаагүй байдалд орж билээ.
Түүний хэлсэн нь:
- Ноёнтон, “Хий үзэгдэл үзэгдэнэ гэдэг юу гэсэн үг вэ?” гэсэн асуулт намайг зовоогоод байгаагийн учрыг та удахгүй бүрэн ойлгоно.
- Харин л дээ, ойлгох эсэхээ сайн мэдэхгүй байна гэж би хэллээ.
Тэрбээр асаж буй галыг нэлээн бодлогошрон ширтсэн хэвээр, над руу хааяа нэг харж ярьсан нь:
- Хий үзэгдэл юуны тухай дохио өгдөг юм бол? Ямар аюулын дохио өгдөг вэ? Аюул нь хаана байдаг, хаанаас гардаг юм бэ? Энэ урт төмөр замын аль нэгэн хэсэгт аюул нуугдаж байдаг нь эргэлзээгүй. Урьд өмнө болсон явдлуудыг санавал гурав дахь удаагаа хий үзэгдэл үзэгдэнэ гэдэг ямар нэгэн аюул осол заавал гарна гэсэн үг. Ер нь надад л нэг юм учрах болов уу. Үүнийг мэдлээ гээд би өрсөж юу ч хийж чадахгүй шүү дээ.
Тэгээд нусны алчуураа гаргаж ирээд духан дээр нь бурзайсан хөлсөө арчив.
- Хэрэв би “Аюул!” гэсэн дохиог нэг тал уруу, эсвэл хоёулан уруу нь явууллаа гэхэд тийм дохио өгснийхөө шалтгааныг яаж тайлбарлах вэ? хэмээн цааш ярихдаа хоёр алгаа хооронд нь үрнэ.
- Би зөвхөн өөрийгөө эвгүй байдалд оруулахаас бус хэрэгтэй юм хийж чадахгүй. Хүмүүс лав намайг галзуу, солиотой юм байна гэж бодно. “Аюул айсуй! Болгоомжтой байгаарай!” гэж би мэдээлнэ, хариуд нь надаас “Юун аюул? Хаана байгаа юм бэ?” гэж асууна. Тэгэхэд нь би “Мэдэхгүй ээ, гэвч болгоомжтой байгаарай!” гэнэ. Яг л ингэнэ. Тэгээд намайг ажлаас хална. Тэд өөр юу хийж чадах вэ дээ, тийм ээ?
Түүний ухаан хямран зовж буйг хараад өрөвдмөөр. Энэ бол хүний амь насыг өөрийн мэдэлгүй хариуцсан, тэсвэрлэшгүй дарамтад орсон ухамсартай хүний оюун санааны тарчлал зовлон байлаа.
Тэрбээр урагшаа унжсан хар үсээ арагш нь илж, хэзээ ч тайлагдашгүй уй гашууд автсан мэт байн байн хоёр гараараа толгойгоо барьж цааш нь өгүүлсэн нь:
- Анх удаа “Аюул!” хэмээн зарласан дохион доор зогсож байхдаа хий үзэгдэл, осол болох ёстойг мэдэж байсан хэрнээ яагаад чухам хаана болох гэж буйг надад хэлж дуулгаагүй юм бол? Тэр аюулаас зайлж болох байсан бол яагаад хэрхэн зайлах тухай хэлээгүй юм бол? Мөн хоёр дахь удаадаа царайгаа нуухын оронд надад “Тэр эмэгтэй аян замд гарвал үхнэ. Тийм учраас ойр дотнынх нь хүмүүст мэдэгдэж гэрт нь байлга” хэмээн хэлээгүй юм бэ? Хий үзэгдэл хоёр ч удаа ирэхдээ, хоёуланд нь өгсөн дохио үнэн байсныг л батлах гэж ирсэн атал гурав дахь удаагаа ирэхдээ бас нэг осол гарах нь гэж надад хэлэх гэсэн хэрэг, гэтэл яагаад одоо чухам юу болохыг тодорхой хэлэхгүй байгаа юм бэ? Бурхан минь, надад туслаач! Би эзгүй зэлүүд газар байгаа зөрлөгийн жирийн нэг ядарсан сумчин шүү дээ! Яагаад энэ хий үзэгдэл хүмүүсийн итгэлийг хүлээсэн, арга хэмжээ авч чадах эрх мэдэл бүхий хүн дээр очихгүй над дээр ирээд байгаа юм бэ?
Түүний ийм өрөвдөлтэй байдлыг хараад би тэр хөөрхий хүний төлөө, бас хүмүүсийн эрх ашгийг бодож, юуны түрүүн түүний санаа сэтгэлийг тайвшруулан тайтгаруулах ёстойгоо ойлгов. Учир иймд бодит ба бодит бус амьдралын тухай бид хоёрын хооронд урган гарч ирсэн хийсвэр асуудлыг түр орхиж, сумчинд хандан, одоо чамайг ямар ч хүн орлосон ажлыг чинь муугүй хийж чадна байх, хэдийгээр тэр гайхмаар үзэгдэл чам дээр ирсний учрыг чи сайн ойлгож чадахгүй байгаа боловч үгүйдээ гэхэд хэн ч байсан энэ зөрлөгийн ажлыг сайн хийх ёстой гэсэн үүрэгтэйг ойлгож байгаа биз дээ хэмээн ятгаж тайвшруулахыг хичээв. Түрүүн түүний сүжгийг огт ор үндэсгүй хэмээн итгүүлэх гэж дэмий оролдож байсныг бодвол энэ удаа би санасандаа хүрлээ. Сумчин нэлээд тайвшрав. Шөнө эрхэлсэн ажил нь улам ихээр анхааралтай байхыг шаардах учраас би шөнийн хоёрт түүнийг орхиж явлаа. Хүсвэл би шөнө турш хань болж чадна шүү гэхэд тэрбээр дуулсангүй бололтой юу ч хэлсэнгүй.
Замаар өгсөх зуураа би нэг бус удаа эргэж улаан гэрлийг харсан бөгөөд харах тусам дотор улам эвгүй болж байлаа. Миний ор тэр гэрлийн дэргэд байсан бол миний нойр хулжих байсан нь эргэлзээгүй. Үүнийг нуух ч хэрэггүй биз ээ. Төмөр зам дээр болсон аймшигт хоёр явдал, ялангуяа нас барсан эмэгтэйн тухай санахад нэг л эвгүй санагдсаныг ч гэсэн нуух юун.
Санаандгүй яваад ийм хачин явдлын тухай мэддэг болсон тул одоо яах вэ? Яавал дээр вэ гэсэн бодол хамгаас илүү сэтгэл зовооно. Сумчингийн оюун ухаан саруул, ер нь юманд анхааралтай хандаж, ажилдаа эзэн болж чаддаг хүн гэдэг нь тодорхой байв. Гэвч сэтгэл санаа нь ингэж үймж түгшсэн хүн удаан хугацаагаар хуучин хэвээр анхааралтай, эрүүл саруул ухаантай байж чадах уу? Хэдийгээр доогуурхан ажилтай ч гэсэн олон хүний итгэл найдварыг хүлээсэн хэвээр шүү дээ. Гэтэл шаардлага гарвал, ажилдаа урьдын адил эзэн болж чадна гэж бодоод жишээлбэл, би түүнд амь насаа даатгаж зүрхлэх үү?
Сая надад илэн далангүй ярьсан бүгдийг урьдаас өөртэй нь ярьж тохиролгүй дарга нарт нь хэлнэ гэхэд түүнээс урвасантай адил санагдах тул түүний нууцыг түр ч гэсэн хадгалж манай тэр хавийн хамгийн сайн эмчийнд дагуулан очиж үзүүлээд эмчийн юу хэлэхийг сонсох нь чухал хэмээн бодов. Сумчны хэлснээр бол дараачийн ээлж нь ирэх шөнө ажээ. Нар мандсаны дараа нэг хоёр цаг өнгөрөхөд ээлжээсээ бууж, нар жаргахад дахин ээлжиндээ гарна гэж хэлсэн билээ. Би ч ээлжиндээ гарахыг нь тааруулж ирэхээр тохиролцлоо.
Бид хоёрын уулзана гэж тохирсон үдэш жигтэйхэн сайхан байсан учир би эртхэн гарч яаралгүйхэн алхав. Намайг гол замаасаа гарч, нөгөө тахиралдсан замын эхэнд ирэхэд нар арай жаргаагүй байсан тул дахин нэг цаг хиртээ салхинд алхан, гол замдаа орж хагас цаг хиртээ цаашаа явж, эргэж хагас цаг хиртээ явахад яг таарна, сумчныд яг болзсон цагтаа очно гэсэн үг гэж шийдлээ.
Тэгээд цаашаа явахаасаа өмнө би эгц уруудсан газрын ирмэгт тулж очоод санаандгүй доош харлаа. Анх яг энд зогсож байхдаа түүнийг олж харсан билээ. Хонгилын харанхуй амны дэргэд зүүн гараараа нүүрээ халхлан, баруун гараа бачимдан даллаж байгаа хүнийг би гэнэт олж хараад цочсон, айсан гэдэг жигтэйхэн.
Гэвч тэр дорхноо би, тэр бол хий үзэгдэл биш харин амьд хүн байна, өөрөөс нь холгүй зогссон хэсэг хүмүүст тийнхүү гараа даллан нэг юм үзүүлэн тайлбарлаж байна гэдгийг ойлгож айж сандрахаа больсон юм. “Аюул” гэсэн дохио ч асаагүй байлаа. Гэрлийн дэргэд хэдэн мод зангидаж, дээгүүр нь бэржээнхээр хучиж, миний түрүүн ирэхэд байгаагүй шинэ овоохой босгожээ. Орноос томгүй харагдана.
Нэг л золгүй явдал тохиолдож дээ хэмээн таамаглаж, сумчныг ганцааранг нь орхиж явснаас, мөн түүний ажлыг хянаж шалгах хүн хөөцөлдөж явуулаагүйгээс болж золгүй явдал тохиолджээ хэмээн дотроо айсаар хар хурдаараа гүйн нөгөө хэдэн хүн дээр очлоо.
- Яасан бэ? Юу болов? гэж би асуув.
- Өнөө өглөө сумчин осолдлоо гэж хэлэв.
- Тэр бүхээгт байдаг хүн мөн үү?
- Тийм ээ, ноёнтон.
- Миний таньдаг хүн биш биз?
- Хэрэв та түүнийг мэддэг бол хараад таних ёстой, ноёнтон гэж нөгөө хүн бусдыгаа төлөөлөн хариулж бэржээнхийн нэг үзүүрээс удаан бөгөөд сүртэй нь аргагүй сөхөж,
- Нүүр нь гэмтээгүй шүү гэв.
Бэржээнхийн үзүүрийг дахин буулгасны дараа би тэнд байсан хүмүүсийн царайг ээлжлэн харж,
- Яагаад ийм юм болчхов? гэж асуулаа.
- Зүтгүүр доор орчихсон, ноёнтон. Талийгаачтай адил ажлаа сайн мэддэг хүн Англи даяар байгаагүй дээ. Гэвч өнөөдөр яагаад ч юм бэ төмөр замаас гаралгүй, дэнлүүгээ унтраачхаад барьж явжээ. Зүтгүүр хонгилоос гарч ирэхэд зам дээгүүр цаашаа харан явж байгаад дайруулчхаж. Жолооч нь энэ хүн л дээ. Сая бид нарт яаж бүх юм болсныг үзүүллээ.
- Аль вэ, Том оо, чи энэ эрхэмд дахин үзүүлээдхээч.
Бааздуухан хийцтэй ажлын хар хувцастай хүн хонгилын аман дээр очиж зогсов. Түүний өгүүлсэн нь:
- Би, хонгил доторх булангийн цаанаас гарч ирмэгцээ түүнийг хонгилын аманд явж байхыг харсан юм, ноёнтон. Томруулдаг шилээр л харсан юм шиг тийм тод харсан даа. Хурдаа сааруулах цаг байсангүй. Тэгээд ч би түүний анхааралтай, болгоомжтой байдгийг мэднэ. Зүтгүүрийн яндангийн дууг сонсохгүй хэнэг ч үгүй алхаад байсан. Миний зүтгүүр бүр тулж ирэхэд нь би яндангаа дуугаргахаа больж, хар тэнхээгээрээ хашхирсан юм.
- Юу гэж хашхирсан бэ?
- Хөөе! Тэр доор байгаа хүн дуулж байна уу? Болгоомжтой, болгоомжтой! Хөөе! Замаас зайлаач! гэж хашхирсан.
Би саяын хэлснийг нь дуулж мэл гайхав.
- Ёоох! Үнэхээр аймшигтай явдал болсон доо. Би ч тасралтгүй хашхирч байсан. Би түүний дайруулахыг харахгүйн тулд энэ гараараа нүдээ таглаж, энэ гараараа даллаж байсан. Гэвч ямар ч тус болоогүй дээ.
Энэ сонин хачин явдлуудын алийг нь бусдаас онилох вэ хэмээн бодож тэр хүний ярьснаар энэ хүүрнэлээ төгсгөв. Харин сүүлчийн цэг тавихын өмнө нэг юмны тухай хэлэхэд, зүтгүүрийн жолоочийн хашхирч хэлсэн үгс, хөөрхий сумчинг мөрдөн мөшгөж, амар тайван байлгахгүй байсан үгнүүдтэй ижил болоод зогсохгүй мөн хөдөлгөөн түүний надад үзүүлж байсан хөдөлгөөнтэй таарсан нь үнэхээр гайхмаар. Гэхдээ таарсан юм шиг надад санагдсан байж болно.


Top
   
PostPosted: Sep.12.17 11:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Хайрт "Surfer"-дээ баярлалаа :hi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.13.17 12:31 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
bvtneer n oruulkui gjiinlee :?

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.13.17 2:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Ямартай ч оруулсан хэсэг хүртэл баярлалаа :cheerleader:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Sep.13.17 1:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3733
Location: Ирмэг
Энэ "Хүүхэлдэйн байшин" ингээд шууд дуусчиж байгаамуу

_________________
Survived after...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 28 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited