Бүлэг 12
Миэра Кимберлигийн хэлсэн үгийг ойлгохыг оролдлоо. Энэ боломжтой гэж үү? Энэ тамын газраас гарах боломж байгаа гэж үү?
Миэраг энэ байранд авчрах үед энэ хоёр охин энд ирээд удсан байсан. Тэд хувь тавилантайгаа аль хэдийн эвлэрчихсэн юм шиг харагдаж байжээ. Бас Миэра хоригдож буй энэ торныхоо алга дарам газрыг ч үлдээлгүй сөөм сөөмөөр шалгасан. Ханануудыг цул бетоноор цутгаж, багануудын хооронд бат бөх гинжит тор татаж шал, таазанд эрэг боолтоор бэхэлжээ.
- Яаж? Энд хаалга, цонх байхгүй. Торон хаалтанд хүн багтах нүх байхгүй хэмээн Миэраг хэлсэнд Кимберли салганан чичрэх ясан хуруугаа гозойлгож тааз руу заалаа.
Миэра дээшээ харав. Тэдний толгойноос дээр гурван метрийн өндөрт, таазанд суулгасан агааржуулагч хоолойг Миэра нэг бус удаа харж байжээ. Хоолойг хаалтны цаанаас тусдаг бүдэг гэрэлд харах боломж бараг байхгүй. Заримдаа тэр хоолойгоор маш бүдэг гэрэл тусдаг ч цаана нь юу байгааг тэд харж чаддаггүй.
Гэхдээ хоолой хүн дамжаад гарчихаар том биш, тэр бүү хэл тураалд орсон энэ охид ч гэсэн гарч чадахгүй. Хоолойн хөндлөн огтлол найман сантиметр ч хүрэхгүй.
- Челсиг оргох гэж оролдсон гэж чи надад хэлж байсан гэж Миэраг хэлэхэд Кимберли
- Тэр оролдож үзсэн гэж надад ярьж байсан. Гэхдээ тэр олон зүйл хэлээгүй гэлээ.
- Челси үхчихсэн хэмээн Элиз сулхан шивнэв. Тэр ухаан орсон бололтой.
- Бяцxан Челси үхсэн.
- Хэрэв бид юу ч хийхгүй суугаад байвал бүгдээрээ үхнэ гэж Кимберли хэллээ.
Тэд хаана байгааг Миэра мэдэхгүй байжээ. Цонхгүй хана, бетон цутгаж хийсэн таазнаас харахад энэ зоорь байх магадлалтай. Тэгвэл толгой дээр тун ойрхон тэднийг тамлаж зовоодог эрийн амьдардаг бүхэл бүтэн байшин байж мэдэх юм. Хоолойгоор багтаж гарлаа гэхэд нөгөө эрийн гэрт эсвэл өөр нэг байшинд орох нь дамжиггүй. Хоолойгоор шургах үед гарах чимээ түүний анхаарлыг татах нь мэдээж.
- Энэ бол бидний сүүлчийн найдвар гэж Кимберли хэлээд
- Тэр дараагийн удаа энд эргэж ирэхдээ бидний нэгийг алж магадгүй гэлээ.
Элиз саналыг дэмжиж толгой дохихыг Миэра харах шиг болов уу? Тийм гэж хэлэхэд хэцүү. Нүүрэн дээрээ ташуураар ороолгуулсан олон тооны сорвитой хөөрхий охин бараг амьд гэж харагдахгүй байлаа.
Миэра aгааржуулагч хоолой руу харав.
- Бид тэнд хүрч чадах уу? гэж тэр асуугаад
- Бид бүгдээрээ хүч тамиргүй болсон гэлээ. Тэгтэл Кимберли тас зөрж
- Элиз бид хоёр сульдаж бүх тамираа барсан. Чамд одоо ч гэсэн хүч тамир үлдсэн. Чи үүнийг хийх ёстой. Хоолойгоор гар. Тэгээд тусламж авчирч биднийг эндээс гарга гэж хэлэв.
Миэра дэмий найдлага тавихаасаа ч айж байлаа. Гэтэл одоо хоёр хоригдол охины амь насыг даах аймшигтай үүрэг хариуцлагыг өөртөө үүрэх хэрэгтэй болсон юм шиг түүнд санагдав. Энэ даалгаврыг бодоход ч аймшигтай ажээ.
Гэвч Миэра Кимберлигийн үгнээс зөрж чадсангүй. Хүч тамираа алдсан ч гэлээ эндээс оргож чадах ганц боломжийг алдаж болно гэж үү? Бас тэр дээр түүнийг ямар аюул хүлээж байгааг тэр мэдэхгүй. Магадгүй энд амсаж байгаа өлсгөлөн, зодуураас ч илүү аймшигтай зүйл хүлээж болов уу?
Миэра эргэн тойрноо гүйлгэж харав. Тэрбээр таазанд хүрэхийн тулд зөвхөн хаалтны гинжээр дамжиж гарах ганцxан арга байгааг олж харлаа. Төсөөлөх ч бэрх хэдий ч тэр бүх хүч тамираа нөөж хуримтлуулахыг хичээв. Дараа нь тэр гинжнээс хуруугаараа зуурж, хэдийгээр их өвдөж байсан ч дээшээ алгуурхан авирч эхэллээ. Кимберли өөрт нь туслахаар доороос нь гараараа сулхан түлхэхийг тэр мэдэрлээ. Миэра шалнаас хөндийрч, хоёр хөлөө гинжин хаалтны завсар ээлжлэн шургуулж дээшээ авирахад Кимберлигийн сульдсан хоёр гар хөлийг нь тулж өргөнө.
Эцэст нь Миэра хаалтны оройд хүрч чадлаа. Хоёр тохой хэрийн зайд харагдах төмөр хавтанд бэхэлсэн агааржуулагч хоолойг бетонон таазанд боолтоор бөхөлж тогтоожээ. Тэр боолтнуудыг яаж тайлах болж байна?
Миэра нэг гараараа гинжнээс бөх зуурч, нөгөө гараа сунган хурууныхаа үзүүрийг төмөр хавтан, тааз хоёрын завсраар шургуулав. Тэр хавтанг доош нь хүчтэй дартал бага зэрэг хөдлөх шиг санагдлаа. Агааржуулагч хоолойг салгаж авах нь боломжгүй санагдаж байсан ч Миэра оролдоод үзэхээр шийджээ.
Тэр хавтангаас дахин зуурч бүх хүчээрээ дартал бетон хавтан хоёр хөндийрч дунд нь бага зэрэг завсар гарлаа.
Гомдол цөхрөлдөө дотор нь бачуурч байсан тэрбээр гинжин хаалтнаас хөндийрч, төмөр хавтангаас хоёр гараараа зуурав. Миэра доошоо унах үед таазнаас ямар нэг зүйл салж унасан бололтой, хангир жингэр хийсэн аймшигтай чанга чимээ гарлаа. Тэрбээр эхлээд Кимберлиг мөргөж дараа нь шалан дээр унаж буйгаа мэдрэв. Шалан дээр, эргэн тойронд нь төмөр, бетоны хэлтэрхийнүүд, шавар шавхай, хайрга чулуунууд бороо шиг асгарч уналаа.
Чимээ шуугиан намдаж нам гүм болсны дараа Кимберли ёолж гиншихийг тэр сонсов. Миэра гараа дарж унаснаас гар нь ухаан баларттал хүчтэй өвдөж байлаа. Хумснууд нь бараг бүгд хугарчээ. Гэвч тэр дэргэд нь унасан зүйлсийг харахтайгаа байлаа. Шалан дээр хэвтэх эвдэрхий яндан дуран шиг хэлбэртэй агааржуулагч хоолойны хугархайн эргэн тойронд төмрийн сэг, бетоны хэлтэрхийнүүд, чулуу, шавар шороо, зэрлэг ургамлууд овоорчээ.
- Энэ юу гээчийн газар...? Миэра үгээ гүйцээж чадсангүй.
Унасан хогонд дарагдан хэвтэж буй Кимберли гараа өргөж дээшээ заалаа. Түүнээс холгүйхэн сууж байсан Элиз бас дээшээ харжээ. Миэра бас дээшээ хараад харсан зүйлдээ итгэж чадсангүй.
Тэд дөрвөлжин нүхээр орог саарал өнгөтэй тэнгэрийг харж байлаа. Агааржуулагч хоолой ямар нэг байшин барилгатай холбоогүй байсныг тэд одоо ойлгов. Хоолой шууд гадагшаа гарсан байжээ. Миэра өдий болтол өөрийгөө байшингийн зооринд хоригдож байгаа хэмээн буруу ташаа бодож байсан. Харин энэ газар доогуур барьсан хорогдох байртай төстэй харагдаж байлаа. Бас гадаа өглөө эрт үүр цайж байгаа бололтой.
- Чи эндээс гарч чадна! Хурдан яв! хэмээн Кимберлиг хэлэхэд
- Чи гэмтчихсэн үү? гэж Миэра түүнээс асуулаа. Кимберли
- Нэг их биш хэмээн хариулаад
- Чи босож чадах нь уу? гэж асуув.
Миэра аажмаар өндийж бослоо. Тиймээ, тэр зогсож чадлаа, тэгвэл бас алхаж чадна гэсэн үг. Миэрагийн дотор анх удаа л найдлага төрөв.
Тэр дахиж хүчээ хуримтлуулан хаалтнаас зуурч дээшээ авирлаа. Тэрбээр зүүн гараараа хаалтнаас зуурч, баруун гараа онгорхой нүхээр гаргаж өвс ургамал, шавар шавхайг тэмтэрч үзэв. Хуруунд нь ургамлын үндэс мэдрэгдэхэд Миэра үндэснээс чанга бариад нөгөө гараа бас дээш нь гаргаж үндэснээс зуурлаа. Тэр өөрөөс нь гарна гэж төсөөлж ч байгаагүй их хүч гарган биеэ дээш нь татав. Миэра нүхнээс гарч, өглөөний чийглэг агаарт гарч иржээ.
Миэра өтгөн төгөл ойгоор хүрээлэгдсэн жижигхэн талбай дээр байгаагаа анзаарав. Гэвч тэр хаана, ямар газар байгаагаа мэдэж чадсангүй.
Миэра нүхээр шагайвал Кимберли итгэл найдвар гэрэлтсэн харцаар түүнийг харж байлаа. Элиз сая юу болоод өнгөрснийг ойлгосон шинжгүй харагдана.
Миэра нүхээр тонгойж
- Дээшээ гараад ир гэж хэлсэнд Кимберли
- Би авирч чадахгүй хэмээн хариулав,
- Би чамд туслана.
Кимберли одоо түүнийг арга нь барагдсан харцаар харах ажээ.
- Чи намайг дээш нь татаж гаргаж чадахгүй. Элизийг ч гэсэн. Дараа нь Кимберли гэмтсэн гараа илээд
- Би хаалтаар дээшээ авирч чадахгүй гэв.
Миэрагийн зүрх хурдан цохиллоо.
- Би та нарыг энд зүгээр орхиод явж чадахгүй.
- Чи ингэх ёстой. Явж тусламж авчир. Цагдаад очиж хэл. Тэд биднийг аварч чадна. Үүнийг хурдан хий.
Хамт хоригдож байсан хоёр охиноо орхиж явах болсон нь Миэрад үнэхээр аймшигтай санагдаж байлаа. Гэвч түүнд өөр сонголт байсангүй. Тэрбээр хөл дээрээ бостол хэт сульдсанаас дороо муужирч унах шахав. Миэра эргэн тойрноо ажиглаж харлаа. Талбайн нэг талд ойн төглийг нэвт гарсан зөрөг зам харагдана. Миэра замын төгсгөлд гэрэл нь асаалттай байшингуудыг олж харав.
Гэнэт тэр зүгээс хаалга чанга хаагдах чимээ гарахыг сонсоод Миэра дороо бүдчин зогслоо.
Энэ тэр хүн мөн үү? Тэр энд ирж байгаа юм болов уу?
Миэра зөрөг рүү харлаа. Тэр магадгүй энэ замаар нааш цааш ирж очдог биз. Хэрэв Миэра одоо энэ замаар явбал тэр нөхөрийн гарт дахиад орчихож мэднэ.
Миэра талбайн эсрэг тал руу эргэлээ. Тэнд цөөхөн хэрэглэгддэг бололтой бүдгэрч баларсан нэг зөрөг мод руу орсон байжээ. Миэра тэр зүгт байшин, эсвэл өөр ямар нэг нүдэнд торчихмоор зүйл харсангүй. Гэхдээ энэ зөрөг түүнийг хаа нэгтээ хүргэж таарна. Энэ түүнийг хүмүүс рүү хөтөлж аваачна.
Миэра тэр зөргөөр орон бүдчин явлаа. Бүсгүй маш их тамирдаж, хөлөө алхам алхмаар зөөх бүрт толгой нь эргэж унах шахна. Тэрбээр хөл дээрээ хэр удаан тэсэж чадахаа мэдэхгүй, орон зай, цаг хугацааг ч мэдрэхээ больж байх шиг. Нүд нь бүрэлзэж эргэн тойрноо сайн харж чадахгүй болжээ. Зэрлэг ургамал, модны мөчрүүд түүний биеийг ороолгож, гэзэг үс, хувцаснаас ч зулгааж зууралдах ажээ.
Тэгтэл өтгөн ой мод дуусаж тэр задгай талбайд гарч ирснээ мэдрээд дотор нь онгойв.
Би хаана байна аа? хэмээн тэр өөрөөсөө асуулаа.
Миэра урагшаа зүтгэж алхтал хөл дор нь хатуу хучилттай зам мэдрэгдэв. Тэр хурдны замын дэргэд хүрч иржээ. Миэра замын эхлэл төгсгөл рүү харсан боловч нэг ч машин харагдсангүй. Тэр аль зүг рүү явахаа мэдэхгүй байлаа. Эцэст нь нэг зүгийг сонгож бүдчин алхав.
Миэрагийн толгой нь улам бүр эргэж, нүд нь харанхуйлан хөл дээрээ тогтоход ч бэрх боллоо. Тэр цаашаа явах тэнхэлгүй болжээ.
Битгий бууж өг! Бууж өгч болохгүй! хэмээн тэр өөртөө хэллээ.
_________________ Sakura
|