Бүлэг 8
Райли нөгөө хашгирсан эрийг анхааралтай ажиглав. Тэр эрийн ойр зогсож буй зарим хүмүүс толгой дохин хоорондоо шивнэлдэж харагдана.
- Үүнийг хэн хийснийг би мэднэ! Бид бүгдээрээ үүүнийг мэдэж байгаа!
- Жошийн зөв гэж дэргэд нь зогсож байсан нэг эмэгтэй хэлээд
- Тэр бол Деннис гэлээ.
- Тэр их хачин хүн гэж бас нэг эр хэлснээ
- Тэр яг л нэг хэзээ хэзээгүй дэлбэрэх гэж байгаа цагтай бөмбөг шиг санагддаг хэмээн нэмж хэлэв.
Билл, Люси хоёр хашгирсан эрийн зогсож буй хоёр талбайн зах руу хурдаллаа. Харин Райли байрандаа үлдэж, туузны урд зогсож байсан нэг цагдаад хандаж хашгирсаар байгаа эр лүү заагаад
- Түнийг нааш нь аваад ир гэж хэлэв.
Тэр эрийг цугласан хүмүүсээс холдуулах нь дээр гэдгийг Райли мэдэж байжээ. Хэрэв хүн болгон энэ талаар яриад эхэлвэл хэргийн үнэн мөн баларч алга болдог. Хэрэв тэд үнэхээр үнэнийг хэлж байгаа бол...
Түүнчлэн нөгөө эрийг хэвлэл мэдээллийнхэн бүчээд авлаа.Тэдний хамар доор тэр эр ярилцлага өгөхийг Райли хэзээ ч зөвшөөрч чадахгүй.
Цагдаа тусгаарласан туузыг дээш нь сөхөж нөгөө эрийг тэдэн рүү дагуулж ирэв. Энэ хооронд тэр эр
- Энэ хэргийг хэн үйлдсэнийг бид бүгдээрээ мэдэж байгаа! Үүнийг бид бүгдээрээ мэднэ! хэмээн орилсоор байлаа. Райли түүнийг цугларсан хүмүүсээс холхон аваачиж ярилцахаар бугуйнаас нь барьж
- Тайвширч үз хэмээн хэлэв.
- Деннисийн талаар хүмүүсээс асуу гэж хөөрч догдолсон эр хэлээд
- Тэр ганц бие, их хачин хүн. Тэр охидыг айлгадаг. Эмэгтэйчүүд түүнээс маш их жийрхдэг юм гэв.
Райли тэмдэглэл хөтөлдөг дэвтрээ гаргалаа. Билл ч мөн адил. Биллийн нүдэнд сониучирхсан харц илэрснийг тэр анзаарав. Гэхдээ бүгдийг тайван ёс журмаар нь хийх хэрэгтэй гэдгийг тэр мэдэж байлаа. Одоогоор тэд юу ч мэдэж амжаагүй. Дээр нь хэт их хөөрч догдолсон эрийг хэвийн байдалд оруулсны дараа байцааж асуух хэрэгтэй байлаа. Тэрбээр тайван бодож сэтгэдэг хүнтэй ярилцахыг хүсжээ.
- Түүний бүтэн нэрийг хэн гэдэг юм бэ? гэж Райлиг асуухад
- Деннис Воун хэмээн тэр эр хариулав.
Райли Биллд хандаж
- Түүнтэй ярилцаж бай гэж хэллээ.
Билл толгой дохиод тэмдэглэлээ үргэлжлүүлэв. Райли зуны асарт цогцосны дэргэд зогссоор байгаа цагдаагийн газрын дарга Аарон Померой руу очлоо.
- Померой дарга аа, Деннис Воуны талаар танд хэлэх зүйл байна уу?
Померойд энэ нэр аль хэдийнээс танил болсон гэдэг нь илт харагдана.
- Түүний талаар чи юу мэдмээр байна?
- Түүнийг хүний аминд хүрч чадахаар аюултай нөхөр гэж танд санагддаг уу?
Померой зулайгаа маажиж зогссоноо
- Таны хэлж байгаагаар бол тийм байж ч магадгүй. Түүнийг байцаагаад үзэхэд илүүдэхгүй гэж хэллээ.
- Яагаад?
- Тэр бидэнд олон жил төвөг учруулж байгаа. Садар самуун явдлыг сурталчилсан, бүдүүлэг зан авир гаргасан гэх мэтийн зүйл. Хэдэн жилийн өмнө цонхоор шагайасан хэрэг гарсны дараа түүнийг Делаверын Сэтгэцийн эмгэг судлалын төв рүү явуулж, тэндээ нэг хэсэг байсан. Өнгөрсөн жил тэр дунд сургуулийн хөгжөөн дэмжих багийн нэг охиныг салахгүй дагаж, захидал бичсэн хэргээр шалгагдсан. Тэр хэдийгээр энэ хэргийг үгүйсгэж байсан ч шүүх хурал охины гэр бүлийн талд шийдвэрээ гаргасан. Тийм учраас тэр шоронд зургаан сар суусан.
- Тэр шоронгоос хэзээ суллагдсан юм бэ?
- Өнгөрсөн хоёрдугаар сард.
Райлигийн сонирхол улам асаж ирлээ. Деннис Воун анхны хүн амины хэрэг гарахын өмнө шоронгоос суллагджээ. Энэ тохиолдол гэж үү?
- Хотын охид, бүсгүйчүүд дахиад л гомдоллож эхэлсэн гэж Померой хэлээд
- Учир нь тэр тэдний зургийг авдаг байжээ. Гэхдээ энэ түүнийг баривчлах шалтгаан биш байсан гэв.
- Түүний талаар өөр хэлэх зүйл танд байна уу? гэж Райлиг асуусанд Померой мөрөө хавчлаа.
- Ингэхэд байна аа, тэр бол зүгээр л тэнүүлчин байгаа юм. Одоо гуч орчим настай, бидний санаж байгаагаар түүнд эрхэлсэн ажил байхгүй. Түүний гэр бүл болох өвөө эмээ, авга ах, эгч нар нь энэ хотод амьдардаг ч түүнтэй огт харьцдаггүй. Түүнийг сүүлийн үед их гунигладаг болсон гэж би сонссон. Тэр хүмүүст "энэ өдрүүдийн нэгэнд" гэж байнга хэлдэг болсон гэнэ.
- "Энэ өдрүүдийн нэгэнд" юу болно гэж? хэмээн Райли асуулаа.
- Ёстой бүү мэд. Хүмүүс түүнийг "цагтай бөмбөг" гэж хочилдог. Дараагийн удаа тэр юу хийхийг тэд мэдэхгүй болоод л тэр. Гэхдээ бидний мэдэж байгаагаар тэр танхайн сэдэлтэй гэмт хэрэг нэг ч удаа үйлдэж байгаагүй.
Rайли эдгээр шинээр олж мэдсэн зүйлс ямар утгатай болохыг ойлгохыг хичээн дотроо тунгааж үзэв.
Энэ хооронд Билл, Люси хоёр нөгөө эрийг байцааж дуусаад Померой, Райли хоёрын дэргэд хүрч ирлээ. Биллийн уйтгар гунигт автсан царайны төрх эрс өөрчлөгдөж, тэрбээр өөртөө их л итгэлтэй харагдана.
- Деннис Воун бол бидний эрж байгаа алуурчин яг мөн. Тэр хүний бидэнд хэлсэн бүхэн алуурчны шинж тэмдэгтэй яг тохирч байна хэмээн тэр Райлид хандаж хэлэв.
Гэвч Райли хариу хэлсэнгүй. Анхандаа түүний хэлсэн шиг санагдсан ч дүгнэлт гаргах арай эрт байлаа.
Түүнчлэн Биллийн өөртөө итгэлтэй сонсогдох хоолойны өнгө түүний санааг зовоож байлаа. Өнөө өглөө түүнийг энд ирсэн цагаас хойш Биллийн сэтгэл санаа тогтворгүй байгааг тэр анзаарсан ажээ.
Хэргийг илрүүлж чадаагүй хэмээн өөрийгөө буруутгаж байгаа хүнээс ийм араншин гарах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ энэ асуудлыг хүнд байдалд оруулж мэднэ. Түүнийг биеэ барьж чадахгүйд хүрвэл түүнд Райлигийн тусламж хэрэгтэй.
Райли Померой руу эргэж харлаа.
- Түүнийг хаанаас олж болохыг та бидэнд хэлж өгч чадах уу?
- Мэдээж. Гол гудамжаар чигээрээ Братлборо хүртэл яв. Дараа нь зүүн тийшээ эргэ. Баруун гар талын гурав дахь байшин бол түүний гэр.
Райли Люсид хандаж
- Чи эндээ үлдэж шүүх эмнэлгийн шинжээчдийг хүлээ. Тэд цогцсыг эндээс авч явсан ч болно. Бидэнд хангалттай зураг байгаа гэж хэлэв.
Люси толгой дохилоо.
Билл тэр хоёр туузан доогуур шургаж, хэвлэл мэдээллийнхэн болон тэнд цугласан хүмүүсийн дундуур гарахаар зүтгэв.
- Энэ аллагын хэрэг Метта Луной, Валери Брунер нарын хүн амины хэрэгтэй холбоотой юу? хэмээн сурвалжлагчдын нэг хашгирлаа.
- Эсвэл Миэра Кэганы алга болсон хэрэгтэй холбоотой юм уу? гэж өөр нэг нь асуув.
Райлигийн бүх шар үс босоод ирлээ. Тун удахгүй Делавер мужид нэг цуврал алуурчин аллага үйлдэж байна гэсэн мэдээ тарах нь дамжиггүй.
- Ярилцлага өгөхгүй хэмээн тэр сурвалжлагчдад хэлэхдээ дуугаа өндөрсгөв.
- Хэрвээ та нар биднийг дагаад салахгүй бол мөрдлөгө хийхэд хүндрэл учруулсан гэж баривчлуулна. Үүнийг мөрдөх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэрэг гэж үздэг.
Райли, Билл хоёрт зам тавьж өгөхөөр сурвалжлагчид арагшаа ухарлаа. Тэр хоёр цугларсан хүмүүсээс хурдан холдож, замаа хөөв. Ухарч няцахаа мэддэггүй, зөрүүд сурвалжлагчдыг ирж амжихаас өмнө энэ хэргийн учрыг олоход хугацаа бага үлдсэн гэдгийг Райли сайн мэдэж байлаа. Магадгүй тэд олон нийтийн сүлжээг ашиглаж мэдээг тарааж ч мэднэ.
Деннис Воуны гэр хүртэл удаан явах шаардлага гарсангүй. Гурван гудамж өнгөрөөд тэд Братлбород хүрч, тэндээсээ зүүн гар тийш эргэв.
Воуны байшин жижигхэн эвдэрхий балгас шиг харагдах ажээ. Байшингийн төмөр дээвэр бараг тэр чигээрээ цөмөрч, гадна талын цагаан будаг нь халцарсан харагдах бөгөөд хаалганы өмнөх тавцан доошоо цөмөрч, зэрлэгшсэн зүлэг нь өвдөг шүргэтэл урт ургажээ. Замын дэргэд нэг хуучирч элэгдсэн Плаймот Валиант маркийн машин зогсож байлаа. Машин зэрэмдэглэсэн цогцсыг зөөвөрлөж болохоор хангалттай том ажээ.
Билл, Райли хоёр тавцан руу гарч хаалга тогшлоо.
- Надаас юу хүсээ вэ? гэх дуу байшин дотроос сонсогдсонд
- Бид Деннис Воонтой ярилцаж байна уу? хэмээн Билл хариу асуув.
- Магадгүй л юм. Яах гэсэн юм?
- Бид ХМТ-ноос явж байна. Тантай ярилцах гэсэн юм гэж Райли хэллээ.
Хаалга онгойж, дутуу онгойсон хаалганы завсраар Деннис Воуны нойрмоглосон царай харагдав. Тэрбээр хэт таргалсан, өтгөн хууз сахалтай, бүдүүлэг нэгэн ажээ. Хоолонд бохирдож халтартсан, энгэрийг нь задгайлж орхисон цамцны цаанаас цухуйх цээж нь бараг сармагчин гэлтэй дэндүү үсэрхэг ажээ.
- Ямар хэргээр явж байгаа юм бэ? Та нар намайг барих гэж ирсэн юм уу, эсвэл...? гэж Воун илт сандарч тэвдсэн өнгөөр асуусанд Райли мөрдөгчийн тэмдгээ харуулж
- Бид тантай зөвхөн ярилцахаар ирсэн. Гэрт чинь орж болох уу? гэлээ.
- Би яагаад та нарыг оруулна гэж?
- Яагаад оруулж болохгүй гэж? Танд биднээс нуух зүйл байхгүй биз дээ, эсвэл байгаа юм уу? гэж Райлиг асуухад
- Бид нэгжих зөвшөөрөлтэй буцаад ирж чадна хэмээн Билл нэмж хэлэв.
Воун толгойгоо сэгсрэн амандаа бувтнаж байснаа хаалгаа нээж Билл, Райли хоёрыг гэртээ оруулав.
Байшин дотроо бүр аймшигтай харагдаж байлаа. Ханын цаас хууларч унан, шал нь олон тооны нүхтэй болжээ. Энд бүрээс нь урагдсан нэг буйдан, түшлэгтэй хатуу модон хос сандлаас өөр тавилга гэх зүйл байсангүй.
Аяга тавагнуудаа хаа сайгүй тарааж хаясан байх бөгөөд зарим нэг нь дотроо хөгцөрч муудсан хоолны үлдэгдэлтэй байлаа. Өрөөний агаарт дотор эвгүй оргиулсан муухай үнэр нэгшиж тогтжээ.
Райлигийн харсан бас нэг зүйл гэвэл ханан дээр кнопоор тогтоосон хэдэн арван гэрэл зураг байлаа. Зурган дээрх охид бүсгүйчүүд ямар нэг сэжиг төрүүлэхээр пооз аваагүй ажээ.
Боун зурагнуудыг сонирхож байгаа Райлиг харлаа
- Энэ миний хобби байгаа юм. Ямар нэг болохгүй зүйл харсан юм уу?
Райли асуултанд хариулсангүй, Билл ч гэсэн дуугарсангүй. Райли зурган дээр сэжигтэй зүйл байгаа эсэхэд өөрөө ч эргэлзсэн ажээ. Үнэндээ өдрийн цагаар ил задгай газар авсан зурагнууд садар самууныг сурталчилсан гэж хэлэхээргүй харагдана. Гэхдээ л эдгээр охид бүсгүйчүүдийн зургийг зөвшөөрөлгүй авсан нь Райлид огтхон ч таалагдсангүй.
Воуныг модон сандал дээр суутал хүнд жинд дарагдсан сандал нь чахарч дуугарлаа.
- Та нар намайг ямар нэг юманд буруутгах гэж л энд ирсэн биз дээ. Тэгээд яагаад хэлэхгүй байгаа юм бэ?
Райли нэг яйжгий сандал авч урдаас нь харж суув. Билл дэргэд нь ирж зогсов.
- Биднийг яагаад чамайг буруутгахаар ирсэн гэж бодов?
Энэ бол урьд нь байцаалтын үед үр дүнгээ өгч байсан Райлигийн хэрэглэдэг арга барилуудын нэг ажээ. Заримдаа хэрэгт холбогдолтой асуулт шууд тавилгүй, сэжигтнийг яриулах нь үр дүнтэй байх тал бий.
Воун мөрөө хавчлаа.
- Дандаа нэг зүйл болж байх юм. Намайг хүн бүр буруугаар ойлгодог.
- Яагаад гэдгийг чи мэдэх үү? хэмээн асуух үедээ Райли ярианаас нь ямар нэг сэжим олохыг хичээж байлаа.
- Надад залуу охид таалагддаг, ойлгож байна уу? Миний насан дээр байгаа залууст ийм зүйл таалагддаггүй гэж үү? Хүмүүс яагаад зөвхөн миний хийж байгаа зүйлд дургүй байдаг юм бэ?
Тэрбээр зурган дээрх хүмүүс өөрийг нь өмгөөлж хамгаалах үг хэлээсэй гэсэн байртай зурагнууд руугаа харав. Райли түүний яриаг зүгээр л сонсож суулаа. Тэр Биллийг ч гэсэн мөн адил ингээсэй гэж хүсэж байсан ч тэр бараг биеэ барьж дийлэхгүй болсон харагдана.
- Би охидод сайн хандаж, тэдэнтэй нөхөрлөхийг боддог. Тэд намайг ойлгохгүй байгаа нь тэгээд миний буруу болж байна уу?
Тэр үгээ зөөж удаан ярих ажээ. Райли түүнийг архи уусан, эсвэл мансуурсан гэж бодохгүй байлаа. Магадгүй энэ эр удаан бодож сэтгэдэг, эсвэл ямар нэг мэдрэлийн асуудалтай байж мэднэ.
- Хүмүүс чамайг буруугаар ойлгодог гэж чи яагаад бодсон юм бэ? хэмээн асуухдаа Райли аль болох эелдэгхэн дуугарахыг хичээв.
- Би үүнийг яаж мэдэх вэ? хэмээн хэлээд Воун дахиад мөрөө хавчлаа. Гэнэт түүний хоолойн өнгө өөрчлөгдөж тэрбээр дуулдахгүй шахам сүрдүүлсэн өнгөөр ийнхүү нэмж хэлэв.
- Энэ өдрүүдийн нэгэнд...
- Энэ өдрүүдийн нэгэнд юу болох юм бэ? гэж Райлиг асуухад Воун дахиж мөрөө хавчаад
- Юу ч биш. Би юу ч хэлэх гээгүй. Гэхдээ л энэ өдрүүдийн нэгэнд... Миний хэлэх гэсэн юм гүйцлээ.
Түүний утга учиргүй яриаг сонссоор Райли залхаж эхэлжээ. Сэжигтнүүд өөрийгөө илчлэхээс өмнө иймэрхүү зүйл байнга тохиолддог ажээ.
Гэвч Воуныг ярьж эхлэхээс өмнө Билл урагшаа ухасxийв.
- Метта Луной, Валери Бтунер хоёрын үхлийн талаар чи юу мэдэх бэ?
- Би тэдний талаар огт сонсож байгаагүй юм байна.
Билл Воуны нүд рүү эгцэлж харахаар улам доошоо тонгойв. Санаа нь зовж эхэлсэн Райли Биллийг хориглож зогсоохыг хүсэж байлаа. Гэвч шууд хориглох нь асуудлыг улам хүндрүүлдэг талтай.
- Чи Миэра Кеганыг яасан бэ? гэж Билл асуув.
- Энэ нэрийг хэзээ ч сонсож байгаагүй.
Билл дуугаа өндөрсгөлөө.
- Өнгөрсөн дөрөв дэх өдрийн орой чи хаана байсан бэ?
- Мэдэхгүй байна аа.
- Тэгэхээр чи гэртээ байгаагүй байх нь ээ?
Воун их сандарч хөлс нь цувж эхлэв. Тэрбээр их айснаас нүд нь дүрлийж томорчээ.
- Магадгүй би гэртээ байгаагүй байх. Би сайн санахгүй байна. Би заримдаа гадагшаа гардаг.
- Чи хаашаа явдаг юм бэ?
- Би машинаараа ойр зуурхан явдаг. Би хотоос гарах дуртай. Би энэ хотыг үзэн яддаг. Болдогсон бол би өөр хаа нэгтээ амьдармаар байна.
Билл дараагийнхаа асуултыг тавихдаа түүний нүүр лүү бараг нулимах шахав.
- Өнгөрсөн дөрөв дэх өдөр чи машинаараа хаашаа явсан юм бэ?
- Мэдэхгүй. Би тэр орой машин унасан эсэхээ ч санахгүй байна.
- Чи худлаа ярьж байна. Чи Вестри рүү явсан биз дээ, үгүй гээч? Тэнд чи нэг аятайхан бүсгүй олсон биз дээ , үгүй гэж үү? хэмээн Билл ориллоо.
Райли суудлаасаа ухасxийж босов. Билл биеэ барьж чадахгүй болсныг харсан тэрбээр түүнийг хориглох хэрэгтэй байлаа.
- Билл хэмээн аяархан дуудаад мөрнөөс нь татсан боловч Билл Райлигийн гарыг түлхэж холдуулав. Тэрбээр Воуныг хүчтэй түлхтэл сандал хэдэн хэсэг салж бутран Воун шалан дээр ойчлоо.
Тэгтэл Билл цамцнаас нь зуурч өрөөгөөр чирж гулдран эцэст нь хананд шахаж зогсоов.
- Билл, одоохон боль гэж Райли хашгирсан боловч тэр Воуныг хананд шахаж зогссоор байлаа. Тэр гар буугаа гаргах вий гэхээс Райли их болгоомжилж байжээ.
- Чи үүнийгээ нотол! хэмээн Билл хашгирлаа.
Райли тэр хоёрыг салгахаар дундуур нь орж Биллийг арагшаа хүчтэй түлхэв.
- Одоо болно! гэж тэр уурсан хэлээд
- Эндээс явцгаая! гэлээ.
Билл Райлиг уурлаж бухимдсан харцаар гөлөрч зогслоо.
Райли Воунд хандаж
- Надад их харамсалтай байна. Хамтрагчийг маань өршөөж уучлаарай. Бид одоо явлаа гэж хэлэв.
Тэрбээр Воуны хариу үг хэлэхийг ч хүлээлгүй Биллийг чирч гулдран үүд рүү явлаа. Эцэст нь тэд хаалганы өмнөх тавцан дээр гарч ирэв.
- Чи чинь одоо яачихаад байгаа юм бэ? гэж Райлиг шивнэсэнд Билл
- Чи харин өөрөө яагаад байгаа юм бэ? Намайг буцааж оруул. Бид алуурчныг олсон. Тэр мөн гэдгийг би мэдэж байна. Түүний хоёр дахь нэрийг харахын тулд жолооных нь үнэмлэхийг асуух хэрэгтэй хэмээн хэллээ.
- Үгүй. Бид түүнийг оролдохгүй. Исүс минь, Билл, чи ингэсээр байвал мөрдөгчийн тэмдгээ алдаж ч мэднэ шүү. Чи үүнийг сайн мэдэж байгаа.
Билл сонссон зүйлдээ итгэж ч чадахгүй байгаа бололтой.
- Яагаад? Бид алуурчныг олсон. Бид түүний хийсэн хэргийг хүлээлгэж чадна.
- Бид үүнийг мэдэхгүй. Тэр магадгүй бидний эрж байгаа хүн мөн байх, гэхдээ би тэгж бодохгүй байна.
- Яагаад биш гэж?
- Юуны өмнө түүний машин нүдэнд шууд тусахаар харагдаж байна.
Билл хэсэг бодолхийлж зогссоноо
- Тэгвэл тэр өөр машин ашигласан байх гэлээ.
- Магадгүй. Гэхдээ би түүнийг баригдалгүйгээр олон хүн амины хэрэг үйлдэж чадах төлөвлөгөө боловсруулж чадна гэж бодохгүй байна.
- Энэ зүгээр нэг тохиолдол байж мэднэ шүү дээ.
Райли Биллийг эсэргүүцэхээс бүр залхаж эхлэв.
- Билл, цогцоснуудыг тавихдаа хичнээн их хичээсэн байсныг чи бодоод үзээч. Их нямбай хандсан байсан. Гарнуудыг яг зохих байранд нь тавьсан.
- Тэр үүнийг хийж чадна.
Райли чанга шүүрс алдлаа. Билл үнэхээр их зөрүүдэлж байлаа.
- Тэр ингэж чадахгүй гэж би бодож байина. Түүний гэрийг бодоод үз. Нэг ч зүйлийг нямбайлж тавиагүй байсан. Тэр ч бүү хэл зурагнуудыг ч гэсэн. Тэнд хэвийн харагдах нэг ч зүйл байгаагүй.
- Тэр аллага хийхээс бусдад хайнга ханддаг байлгүй гэж Билл хэллээ. Тэр маш их уурласан ажээ. Тэрбээр дороо суучихав.
- Билл, алуурчныг хэрэг үйлдэхэд хүргэдэг нэг шалтгаан байдаг. Бид харин одоо болтол тэр шалтгааныг олоогүй байна. Би үүнийг заавал олж илрүүлэх болно.
Тэд буцаж иртлээ хоорондоо ярилцсангүй. Хотын төв талбайн бараа харагдах үед хохирогчийн цогцсыг авахаар ирсэн шүүх эмнэлгийн машиныг Райли олж харав.
Гэнэт Райли маш их айж сандарлаа. Байцаалт ямар ч үр дүнгүй болж, тэрбээр Деннис Воун тэдний сэжигтэн мөн эсэхийг ч мэдсэнгүй.
Райли айж сандрахаас илүүтэй санаа нь маш их зовж байлаа.
Хэрэв би Биллд итгэж найдахгүй юм бол, өөр хэнд найдах болж байна аа?
_________________ Sakura
|