#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 10:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 17 8 9 10 1119 Next
Author Message
PostPosted: Sep.03.17 9:47 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Амьсгаа нь давхцаж ирэхэд Райли ухаан санаагаа төвлөрүүлэхийг хичээн амьсгалаа урт авч, тэр этгээдийг баривчлахаар ухасxийн босчихгүйн тулд биеэ барилаа.
Ашгүй гашуудлын ёслол өндөрлөх тийшээ хандаж буйг анзаараад Райли түр хүлээхээр шийдэв. Тэр хэрвээ биш бол яахав?
Тэгтэл нөгөө залуу гэнэт суудлаасаа босож, өрөөнөөс гарч явлаа. Тэр арай өөрийг нь харчихсан юм биш байгаа? Райли ч үсрэх шахам босож, араас нь гарах үедээ урд нь суусан хүмүүс эргэж харахыг анзаарсан ч одоо энэ хамаагүй болжээ. Райли хонгилоор хурдан өнгөрч гол хаалгаар гарч ирээд залууг тэндээс хурдан холдон явахыг харлаа. Тэрбээр араас нь гүйцэж очин гар буугаа гаргаж
- ХМТ! Зогс! хэмээн чанга хэлэхэд цочсон эр эргэж харав.
- ХМТ! гэж Райли давтан хэлэхдээ тэмдэггүйгээ санасан ч
- Гараа надад харагдахаар өргөж харуул гэлээ.
Залуу үнэхээр айж цочирдсон бололтой.
- Үнэмлэхээ үзүүл гэж Райли хэлэв. Айснаас болсон уу, эсвэл эгдүүцэж уурласнаас болсон уу гар нь хүчтэй салганан чичирч харагдана. Тэрбээр түрийвчнээсээ жолооны үнэмлэх гаргаж харуулахад Вашингтон хотын оршин суугч ажээ.
- Энэ миний үнэмлэх, харин таных хаана байна? гэж залуу сөргүүлэн асуулаа.
Райлигийн зориг мохож, тэрбээр эргэлзэж эхлэв. Энэ залууг би урьд нь харж байсан гэж үү? Тэр бүр төөрөлдчихжээ.
- Би өмгөөлөгч гэж залуу хэлэхэд цочирдсон хэвээрээ байгаа нь илт мэдэгдэнэ.
- Бас би эрх үүргээ сайн мэднэ. Гудамжинд, ил задгай газар над руу буу шагайх болсон маш чухал шалтгаан танд байгаа бололтой.
- Би мөрдөгч Райли Пэйж. Чиний оршуулганд ирсэн шалтгааныг би мэдэх хэрэгтэй.
Залуу Райли руу нухацтай харав.
- Райли Пэйж гэсэн үү? Мариг аварсан нөгөө мөрдөгч үү?
Райлигийн толгой дохихыг харсан залуу илт тайвшраад
- Мари миний найз эмэгтэй байсан юм. Бид хэдэн сарын өмнөөс уулздаг болсон. Гэтэл түүнд тэр аймшигтай зүйл тохиолдож, дараа нь... гэснээ зангирсан хоолойгоо заслаа.
- Би Маритай уулзаж чадахаа больсон. Энэ бүхэн надаас боллоо. Сайн эмэгтэй гэдгийг нь мэдсээр байж би түүнийг ийм байдалд хүргэчихсэн. Одоо надад түүнийгээ дахиж харах боломж...
Залуу толгойгоо сэгсэрч
- Би чаддагсан бол бүгдийг байранд нь буцааж оруулмаар байна. Надад энэ бүхэн маш хүнд туссан учраас би оршуулгын ажиллагааг дуустал үлдэж чадсангүй.
Залуу өөрийгөө буруутай хэмээн хэлэхийг сонссон Райли өөртөө улам их гомдож, цөхөрч байгаагаа мэдэрлээ. Тэдэнд ингэж бодох яг адилхан шалтгаан байгаа ажээ.
Райли буугаа буулгаад
- Намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай. Мариг ийм байдалд хүргэсэн тэр новшийг би заавал олно гэлээ.
Тэндээс явахаар эргэх үедээ Райли залуугийн айж түгшсэн хоолойг дахин сонслоо.
- Тэр аль хэдийн үхсэн гэж би бодсон юмсан.
Райли хариу үг хэлсэнгүй, харамсан гашуудсаар буй залууг зам дээр орхиод явлаа. Тэр одоо хаашаа явах ёстойгоо мэджээ. Мари тэр хоёроос өөр хэн ч мэддэггүй, бас хэн ч сайн ойлгож мэдэрдэггүй тэр газар луу Райли очихоор шийджээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.03.17 10:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Райли төөрөлдөөд яг айдсандаа хүлэгдсэн хүн шиг бүх хүнээс айгаад бас бүгдийг нь сэжиглээд эхэллээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.04.17 3:16 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли түүний араас бүтэн өдөржин, бас шөнө дагажээ. Билий өөр яаралтай жилд дайчлагдсан тул Райли түүнийг ганцаараа мөрдөж дагасан нь үнэндээ ухаангүй алхам байсан. Нөгөө эрийг цонхыг нь таглаж хадсан, эвдэрч нурсан жижигхэн байшин руу орохыг Райли харлаа. Хэдэн хормын дараа тэр эр байшингаас гарч ирэн яваад өгөв. Явган явсан тэр эрийн хаашаа явж байгаад Райли мэдэж чадсангүй.
Нэмэлт хүч дуудах эсэхдээ Райли түрхэн зуур эргэлзсэнээ дуудахаа болихоор шийдэв. Байшинд хэрвээ хохирогч эмэгтэй байсаар байгаа бол хангалттай зовлон амсаж буй тэр эмэгтэйг тэнд ганц минут ч байлгаж болохгүй. Түүнчлэн тэр нөхөр бас яваад өгсөн. Райли үүдний довжоо руу очиж, орох хаалганы оронд хагас дутуу таглаж тавьсан хавтангийн хажуугаар шургаж орлоо.
Тэр гар чийдэнгээ асаасанд гэрэл пропаан хийж хадгалсан хэдэн саван дээр тусав. Билл тэр хоёр сэжигтнийг гал ашигладгийг мэдсэн болохоор тэрбээр гайхсангүй.
Гэнэт хөл доор нь шалны мод маажлах мэт чимээ гарч, нэг хүн аяархан тусламж дуудан орилохыг сонсов...


Толгойд нь дахин буусан дурсамжаа Райли хөөн зайлуулаад эргэн тойрноо ажиглав. Тэрбээр хайж олохыг хүссэн айдас хүйдэс төрүүлэм газраа ирснээ мэдэрлээ. Мари, тэр хоёр яг энд харанхуй, бохир заваан жижигхэн нүхэнд торон дотор хоригдож байсан. Тэр явдал саяхан болсон мэт толгойд нь тов тодхон санагдана. Мариг чөлөөлөх үед тэр Петерсонд баригдсан. Цочирдлоосоо бүрэн гарч чадаагүй Мари тэндээс гараад хэдэн мод газар алхсан ажээ. Түүнийг олох үед тэр хаана хоригдож байснаа мэдэхгүй байсан учраас Райли тэр харанхуй нүхнээс өөрөө зугтаж гарахад хүрчээ.
Петерсоны бамбарын дөлөөр төөнөж тарчилгасан хар дарсан зүүд мэт тэр аймшигтай үе бүтэн зууны турш үргэлжлэх шиг болсны эцэст Райли өөрийгөө торноос чөлөөлж чаджээ. Дараа нь тэр Петерсоныг дэлсэж унагаад ухаан баларттал нь зодсон. Тэр үед түүнийг хайр найргүй цохих тоолонд дотор нь онгойх шиг болж байсан билээ. Райли тэр новшид өөрийн биеэр бага ч гэсэн шийтгэл амсуулсан нь Мариг бодвол эдгэрэхэд нь тусалсан байж магадгүй.
Эцэж туйлдсан, бас хэт их айж цочирдсоноос бараг солиорчихсон байсан Райли бүх пропаантай савнуудыг эргэдэн онгойлгоод байшингаас зугтаж гарангуутаа шүдэнз зураад дотогшоо шиджээ. Дэлбэрэлтийн хүч өөрийг нь арагшаа гудамжны голд хүртэл шидсэн бөгөөд тэр үед Райлиг амьд үлдсэнд хүн бүр гайхаж байсан.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.04.17 5:45 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Дэлбэрэлт болсноос хойш хоёр сар өнгөрсний дараа тэрбээр өөрийн гараар хэн ч амьдрахын аргагүй, эсвэл удаан хугацааны турш хэн нэгэн ирж амьдарч чадахааргүй болгосон хоосон газар дээр зогсож байлаа. Энэ газар яг л амьдралынх дүр зураг мэт харагдахад тэрбээр өөрөө хэзээ нэгэн цагт ингэж төгсөх юм шиг санагдсанд Райлигийн толгой эргэж дотор нь муухайрлаа. Зүлэг ургасан газар дээр хөдлөлгүй зогссон хэвээр тэр хаа нэгтээ унах шиг болов. Харанхуй ангал нүднийх нь өмнө нээгдэж, хэдийгээр одоо өдөр гэрэлтэй байгаа ч орчлон хорвоо тэр чигээрээ гүн харанхуйд уусан алга болж, тэр ч бүү хэл хоригдож байсан нүхэн дэх торонд байснаас илүү тас харанхуй нөмөрчээ. Харанхуй ангал ёроолгүй мэт тэр доошоо эцэс төгсгөлгүй унасаар байлаа.
Райли гэнэт Бетти Рихтерын Петерсон алагдсан байж болох магадлалын талаар хэлсэн үгийг санав.
Би ерэн есөн хувийн баталгаа өгч чадна.
Тэгэхээр үлдсэн тэр нэг хувь хөгийн мэт санагдаж байгаа ч ямар нэгэн байдлаар энэ ерэн есөн хувийг үгүйсгэж байна гэсэн үг. Тэгээд ч Петерсон үхсэн байлаа гээд энд ямар ялгаа байна гэж? Амиа хорлохоосоо өмнө Маригийн утсаар хэлсэн тэр аймшигтай үгнүүдийг Райли санажээ.
Тэр сүнс болсон юм шиг байна, Райли. Түүнийг дэлбэлэх үед сүнс нь чөлөөлөгдсөн байх. Чи түүний биеийг алсан боловч муу ёрын сүнсийг нь устгаж чадаагүй.
Тийм ээ, энэ байжээ. Тэр бүхэл амьдралынхаа турш ямар ч үр дүнгүй, хий дэмий тэмцэлдсэн юм байна. Эцсийн эцэст Мари тэр хоёрын энд амссан аймшигтай тамлал шиг муу ёрын тэр зүйл энэ орчлонгийн хаана ч байсан ялгаагүй араас нь мөшгиж байдаг ажээ. Эхийнхээ алагдахыг хараад яаж ч чадахгүй зогсож байх үед тэр бяцxан охинд багахаан сургамж өгч байжээ. Мари амиа хорлосноор тэр өөрт нь дахин цохилт дахиад нэг сургамж өгсөн юм байна. Райли Мариг аврах гэж оролдоод ч нэмэргүй байжээ. Ер нь хэнийг ч, өөрийгөө ч аврах хэрэггүй. Маригийн утсаар хэлсэнчлэн муу ёр дагуулсан тэр уур хилэн тэртээ тэргүй бүхнийг дийлж таарна.
Чи энэ муу ёрын сүнсийг дийлэхгүй. Одоо бууж өг, Райли.
Эцэст нь Райлигаас илүү ухаалаг Мари өөрийнхөө аминд хүрчихлээ. Тэр хийсэн сонголтоо зөвхөн тавхан үгээр тайлбарласан байсан.
Энэ бол хамгийн зөв арга.
Уул нь амиа егүүтгэх нь эр зориг биш, энэ бол сул дорой байсан гэсэн үг.
Райлиг нөмөрсөн гүн харанхуйг нэвтлэн нэг хүний дуу сонсогдлоо.
- Хатагтай, та зүгээр үү?
Райли толгойгоо өргөлөө.
- Юу гэнэ ээ?
Хоосон газар дээр өвдөглөн суусан тэрбээр аажмаар ухаан орлоо. Нулимс хацрыг нь даган урсжээ.
- Танд туслах хэн нэгэн рүү би утасдах уу? Явган хүний зам дээр нэг ноорхой хувцас өмссөн эмэгтэй санаа тавьсан харцаар өөр лүү нь хараад зогсож байхыг Райли олж харлаа. Тэрбээр биеэ барьж уйлахаа болин босож зогсохыг нь харсан эмэгтэй мөрөө хөөн цаашаа явав. Райли байран дээрээ хэдэн хором хөдөлгөөнгүй зогслоо. Хэрвээ энэ айдаснаасаа салж чадахгүй бол тэр өөртөө ямар нэг муу юм хийж мэдэхээр болжээ. Энэ бол ухаангүй тэнэг хэрэг, бас шударга биш гэдгийг мэдэж байсан ч одоо энэ талаар эргэцүүлж бодох чадваргүй болтлоо туйлдсан тэрбээр машиндаа сууж гэртээ харихаар явлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.04.17 6:17 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Аймшигтай юм аа. Тийм зүйлээс гарсан хүн хэвийн байдалдаа эргэж ороход хэцүү, гэтэл нэмээд сэтгэлзүйд нь хүндээр нөлөөлөх ийм хэрэг мөрдөхөөр солиороход ганц хуруу дутуу бгаам шиг л бна даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.04.17 9:46 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 27

Райли урьд нь дахиж хэзээ ч гар хүрэхгүй гэж андгайлж байсан ч одоо гал тогооны шүүгээнээс салганан чичрэх гараараа удаан хадгалсан шилтэй архиа гаргаж ирлээ. Тэрбээр Эприлд мэдэгдэхгүйн тулд бөглөөг нь эргэдэж онгойлгоод шилэн аяганд хурдан аягалахыг хичээв. Архи өнгөгүй тунгалаг, устай адилхан харагддаг болохоор худлаа ярих шаардлагагүй ууж болно гэж тэр боджээ. Тэр уул нь Эприлийг хуурахыг хүсээгүй. Тэгтэл шил харшиж жингэнэх дуу гарлаа.
- Ээж, наадах чинь юу бэ? хэмээн ард нь ширээнд сууж байсан Эприл асуув.
- Юу ч биш ээ гэж хариулах үед охин нь аяархан гиншихийг Райли сонсоод энэ юу болохыг Эприл гадарласан гэдгийг ойлголоо. Одоо тэр архиа шилэнд нь буцааж хийж чадахгүй болохоор асгахыг хүсэв. Тэр архиа асгахыг үнэхээр хүссэн. Энэ Эприлийг дэргэд нь байхад уухыг оролдсон хамгийн сүүлчийн тохиолдол болог. Гэнэт орчлон хорвоо тэр чигээрээ өөрийнх нь эсрэг зогсож байгаа мэт санагдаж, бас өөрийгөө дэндүү өчүүхэн болчихсон юм шиг төсөөлж бодсон Райлигийн уур хүрч эхэллээ.
Райли шилээ шүүгээнд хийж аягатай архиа барьсан хэвээрээ ширээнд буцаж суугаад нэг том балгахад хоолой нь шатах мэт халуу оргилоо. Эприл урдаас нь ширтэж сууснаа
- Энэ архи уу? Ээж, энэ арай худлаа биз дээ? гэж асуув.
Дотроо маш их гэмшсэн Райли хариу хэлсэнгүй. Эприл өөрөөс нь болж зовох ёстой гэж үү? Тэр охиноо гэрт нь өдөржин ганцааранг нь орхичихоод хааяа утсаар ямар байгааг нь асууж байсан. Эприл элдвийн асуудал тарилгүй, дуулгавартай сайн байсан билээ. Гэтэл ээж нь охиныхоо өмнө засаж боломгүй том алдаа хийж байлаа.
- Намайг өвс татахад та их уурласан гэж Эприлийг хэлэхэд Райли бас л хариу хэлсэнгүй.
- Одоо харин та энэ бол түүнээс өөр гэж надад хэлэх гэж байгаа биз.
- Энэ үнэхээр ялгаатай гэж Райли туйлдаж ядарсан хоолойгоор хэлэв.
Эприл уурлажээ.
-Ямар ялгаатай гэж?
Охиных нь зөв гэдгийг мэдэж байсан тэрбээр дотроо маш их ичиж аяархан санаа алдлаа
- Өвс татах чинь хууль бус. Харин энэ тийм биш, бас...
- Та бол насанд хүрсэн хүн, харин би хүүхэд.
Райли хариу хэлсэнгүй. Хэдийгээр энэ хоёр нүүр гаргадаг хуурамч хүний хэлдэг үг гэдгийг мэдэж байсан ч тэр охиндоо үнэхээр ингэж хэлэх гэж байсан.
- Би маргалдмааргүй байна гэж эцэст нь Райли хэллээ.
- Та одоо үнэхээр дахиад ууж эхлэх гэж байгаа юм уу? Хүнд хэцүү юм туулж өнгөрүүлснийхээ дараа та маш их уусан. Тэр үед та надад яг юу тохиолдсоныг яриагүй.
Райли эрүү нь зуурахыг мэдэрлээ. Уурласнаас болсон юм болов уу? Тэр яагаад Эприлд уурладаг билээ, тэгээд бүр яг одоо шүү?
- Чамд хэлж болохооргүй олон юм болсон гэж Райлиг хэлэхэд Эприл нүдээ эргэлдүүлж
- Есүс минь, яагаад хэлж болохгүй гэж? Тэгэхээр би таны юу хийдгийг мэдэж болох тэр насанд хэзээ ч хүрэхгүй юм байна. Миний одоо харж байгаагаас илүү ноцтой аймаар юм байсан гэж би бодохгүй л байна шүү. Би маш их юм харж байгаа, итгэж үз гэж хэлснээ Эприл босож шүүгээ рүү очоод архи гаргаж ирэн шилэн аяганд хийв.
- Эприл, ингэх хэрэггүй хэмээн Райлиг хэлэхэд Эприл
- Та намайг зогсоож чадна гэж бодсон юм биш биз? гэлээ.
Райли тайван босож Эприлийн гараас аягатай архийг нь аваад эргэж суун өөрийнхөө аяганд нэмж хийснээ
- Одоо хоолоо идэж үз, за? гэж хэлэв.
Эприлийн нүдэнд нулимс хуржээ.
- Ээж, яг одоо та өөрийгөө нэг харчихвал намайг ямар их зовоодгоо ойлгож магадгүй. Та бас надтай ярилцдаггүй болохоор би маш их шаналдаг. Энэ бүхэн чинь намайг өвтгөж байна.
Райли охинтойгоо ярилцахыг оролдсон боловч чадсангүй.
- Ээж, та хүнтэй ярилцах хэрэгтэй гэж хэлснээ Эприл уйлж
- Надтай чаддаггүй юм бол өөр хэн нэгэнтэй, итгэж чадах нэг хүнтэй ярилц гэж хэлчихээд өрөө рүүгээ гүйж очин хаалгаа чанга саван хаалаа.
Райли охиныхоо өмнө ичгэвтэр байдалд оржээ. Тэр яагаад Эприлийн өмнө дандаа алдаа гаргаад байдаг юм бэ? Тэр бас яагаад өөрийнхөө муу талыг охиндоо харуулахгүй байж чаддаггүй юм бол?
Райли биеэ барьж чадахаа больж, уйлж эхлэв. Ухаантай байж бодлоо цэгцэлж чадахгүй байсаар тэр амьдралаа нурааж байлаа. Дараа нь нулимсаа хаттал тэндээ хэсэг сууснаа Райли архиа аван зочдын өрөөнд орлоо. Тэрбээр зөөлөн буйдан дээр суугаад зурагтаа асааж гарч эхний гарсан сувгийг солилгүй тэр чигт нь орхив. Зурагтаар кино, эсвэл шоу нэвтрүүлэг гарч байгаа эсэх нь огтхон ч сонин биш, тэр дэлгэцээр гарч буй дүрсийг гөлрөн ширтэж, зурагтнаас гарах дуу чимээг чихнийхээ хажуугаар өнгөрөөнө.
Гэвч толгойд нь олон янзын дүрс ээлжлэн солигдохыг тэр зогсоож чадсангүй. Райли алагдсан эмэгтэйчүүдийн царайг харж байлаа. Тэр Петерсоны нүд сохлом бамбарын дөл нүүрэнд нь ойртохыг, дүүжлүүрт өлгөөтэй байахад нь харсан Маригийн царайг, бас авсанд хэвтэж байсан түүний хиймэл юм шиг харагдах дүр төрхийг харж байлаа.
Дотор нь шинээр төрсөн мэдрэмж улам өсөн нэмэгдэж, одоо биенийх нь бүх мэдрэлийн судлаар дамжин тархав. Энэ бол айдас байлаа. Өшөө хорсол дүүрэн Петерсоны уур хилэнг дэргэдээ байгаа мэтээр мэдэрсэн Райли үхтлээ айжээ. Тэр одоо үхсэн байна уу, эсвэл амьд байна уу, энэ огт хамаагүй. Петерсон Маригийн амийг авсан, одоо харин өөрийнх нь амийг авахаар зэхэж байна гэсэн бодол Райлигаас салж өгсөнгүй. Өөрөө дотор нь уначихсан байгаа сэтгэлийн гүн дэх харанхуй ангалаас тэр илүү их айсан ч байж магадгүй. Ингэхэд энэ хоёр тусдаа юм болов уу? Энэ хар ангалыг Петерсон бий болгосон баймааргүй юм. Одоо энд байгаа хүн өөрөө биш гэдгийг Райли мэдэж байлаа. ГДСӨ эдгэдэг юм болов уу?
Райли цаг хугацааг ч мэдрэхээ байжээ. Хэт их айснаас бүх бие нь шархиран өвдөж. бие нь хөөж томорчихсон ч юм шиг. Райли архи уусан боловч ер согтсонгүй.
Эцэст нь тэр банны өрөөнд орж эмийн хайрцгаа онгичин эмээ хайлаа. Тэр чичирхийлсэн гараараа тайвшруулах эмээ авав. Эмчийн заавраар унтахын өмнө нэг ширхэгийг уух ёстой энэ эмийг согтууруулах ундаатай хольж уухыг эрс хориглодог.
Райли хоёр эм залгичихаад буцаж буйдан дээрээ очиж эмийн үйлчилгээ эхлэхийг хүлээн зурагт руугаа гөлөрлөө. Эм нөлөөлсөнгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.05.17 1:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Гэнэт араатны хүйтэн саварт бариулсан мэт хөдөлж чадахгүй болсноо мэдээд тэр сандарлаа. Нүднийх нь өмнө өрөө тэр чигээрээ эргэлдэж, дотор нь муухайрсанд Райли буйдан дээр хөлөө жийж хэвтээд нүдээ анив. Толгой эргэх нь багассан ч нүд нь харанхуйлсан хэвээр.
Энэ бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг болов уу?
Энэ бол тэнэг асуулт гэдгийг тэр шууд ойлголоо. Райлигийн хувьд одоо бүх юм хүнд хэцүү болж, улам муудсаар байгаа билээ. Унасан хар ангал нь ёроолгүй гүн болохоор бүгдийг байранд нь буцааж чадахаасаа өнгөрсөн. Одоо тэр зөвхөн энэ бүхнийг хүлээн зөвшөөрч бууж өгөх л үлдсэн бололтой. Уусан архи нь толгойд гарч, ухаан алдсан тэрбээр тэр дороо зүүдэлж эхэллээ.

Бамбарын дөл дахиад харанхуйг гэрэлтүүллээ. Райли нэг хүний хоолой сонсов.
- Алив, намайг дага.
Энэ Петерсоны дуу биш байсан. Гэхдээ энэ дуу их танил ажээ. Өөрийг нь аврахаар хүн ирсэн юм байх даа? Тэр босож бамбар барьсан хүний араас дагалаа.
Тэгтэл бамбарын гэрэл үхсэн хүмүүсийн цогцсыг ээлж дараалан гэрэлтүүлсэнд тэр маш их айлаа. Эхлээд Маргарет, Жерати, дараа нь Айлин Рожерс, дараа нь Реба Фрайэ, дараа нь Синди МакКиннон, бүгд хөл гараа сарвайлгачихсан нүцгэн хэвтэж байв. Эцэст нь гэрэл Маригийн дүүжлээстэй цогцсон дээр, нүүрэн дээр туслаа.
Тэгтэл нөгөө дуу дахиад сонсогдов.
- Охин минь, чи хамаг хэргийг нураасан.
Райли эргэж хараад бамбар барьсан хүний царайг олж харлаа. Энэ хүн Петерсон биш байжээ. Эцэг нь армийн хурандаагийн хувцсаа өмсчихсөн зогсож байх нь тэр. Сонин л юм даа, тэр тэтгэвэртээ суугаад олон жил өнгөрсөн юмсан. Райли эцэгтэйгээ уулзаагүй бараг хоёр жил болсон.
- Вьетнамын дайн үеэр би новшийн юм их үзсэн гэж хэлээд тэр толгойгоо сэгсэрснээ
- Гэхдээ би үүнийг хараад айх шиг боллоо. Тийм ээ, чи хамаг хэргийг нураачихлаа, Райли. Мэдээж би чамаас олигтой юм хүлээхгүй гэдгээ аль эрт мэдэж байсан гэж хэлээд сүүлчийн цогцсыг гэрэлтүүлэхээр бамбараа өргөв. Тэр буудуулсан шархнаас нь цус дуслан харагдах ээжийнх нь цогцос байлаа.
- Чи ээждээ ийм юм амсуулж байхаар өөрөө буудчихсан бол дээр байсан юм.
- Аав, тэр үед би жаахан хүүхэд байсан. гэж Райли гомдоллов.
- Чиний энэ ямар ч хэрэггүй тайлбарыг би сонсмооргүй байна гэж эцэг нь уурсан хэлээд
- Чи хэн нэгнийг нэг ч удаа баярлуулж байгаагүй гэдгээ мэдэх үү? Чи хэнд ч сайн юм хийж байгаагүй, тэр бүү хэл өөртөө ч гэсэн, гэж хэлчихээд бамбарынхаа товчийг эргүүллээ. Бамбар унтарч тэр дахиад харанхуйд үлдэв.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.05.17 1:37 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Зохиолын гол дүр Райлиг хувь хүний талаас хичнээн аймшигтай зүйл үзэж өнгөрүүлснийг, бас сэтгэлийн ямар их шаналал, зовлон өвдөлт мэдэрч байгааг харуулах зорилгоор энэ талаар зохиолч маш олон удаа дүрсэлж бичсэн байсан. Хэрвээ та нар хүсвэл би энэ бүгдийг хасаад орууллаа.

Саналаа хэлээрэй

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.05.17 2:32 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2982
yahin be hasch, unshmaar bna

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Sep.05.17 4:10 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райли нүдээ нээлээ. Аль хэдийн шөнө дунд болчихсон, өрөөг зөвхөн асаалттай зурагтны дэлгэц гэрэлтүүлж харагдана. Саяын зүүд яг жинхэнэнээсээ болсон юм шиг эцгийнх нь хэлсэн үг чихэнд нь хангинасаар байв.
Чи хэн нэгнийг баярлуулахаар юм нэг ч удаа хийж байгаагүй, тэр бүү хэл өөрийнхөө төлөө ч ийм юм хийж байгаагүй.
Толгой нь дүйнгэтсэн тэрбээр бодлоо төвлөрүүлж чадсангүй. Тэр үнэхээр хэн нэгнийг баярлуулж байгаагүй байж болох л юм. Тэр магадгүй жинхэнэ хайр гэдгийг амсаагүй биз. Эсвэл тэр өөрөө хэн нэгэнд хайрлуулахаар байж чадаагүй ч байж магадгүй.
Эприлийн хэлсэн үг гомдож цөхөрсөн Райлигийн санаанд орж ирлээ.
... хэн нэгэн хүнтэй, итгэж чадах нэг хүнтэйгээ ярилц.
Архи нь гараагүй тэрбээр тунгааж ч бодолгүй утсаа шүүрч аван дугаар оруулав. Залгаад удаагүй байтал утасны цаанаас Биллийн нойрмог дуу сонсогдлоо.
- Райли? Хэдэн цаг болж байгааг чи мэдэж байна уу?
- Надад мэдэх юм алга гэж Райли бувтнан хэлэв.
Тэгтэл бас эмэгтэй хүний нойрмоглосон дуу гарч, "Билл, энэ хэн юм бэ?" хэмээн асуух нь сонсогдоход Билл эхнэртээ "Уучлаарай, би ярих хэрэгтэй байна" гэж хариуллаа.
Райлид Биллийн алхах, бас хаалга хаагдах чимээ дуулдав.
- Юу болсон бэ? хэмээн Билл асуув.
- Билл, би сайн хэлж мэдэхгүй байна аа, гэхдээ...
Райли яриагаа таслав. Тэр хэлснийхээ дараа харамсаад ч барахгүй нэг зүйл хэлэх гэж байлаа. Гэвч Райли яг одоо өөрийгөө хорьж дийлэхээ больжээ.
- Билл, Чи түр зуур гэрээсээ гарч чадах уу?
Билл ойлгоогүй бололтой хоолойгоо заслаа
- Ингэхэд чи юугаа яриад байна аа?
Райли амьсгалаа гүнзгий авлаа. Тэр нээрээ юу хэлэх гэсэн юм бол? Тэр юу хэлэхээ мэдэхгүй байсан ч ямартай ч Биллийг харахыг хүсжээ. Тэр үнэндээ байгалаас заяасан эр хүнийг хүсэмжлэх хүслээ барьж дийлэхгүй байлаа. Яг одоо "уучлаарай" гэж хэлээд утсаа тасла гэсэн бодол толгойд нь бүүр түүрхэн зурсxийсэн ч айдас, ганцаардал, гомдол цөхрөлдөө автсан тэрбээр өөрийгөө зогсоож чадсангүй.
- Би зүгээр... зөвхөн чи бид хоёр... цагийг хамтдаа өнгөрөөх гэсэн юм.
Утасны цаанаас нэг хэсэг чимээ сонсогдсонгүй.
- Rайли, одоо шөнө дунд болж байна. Цагийг хамтдаа өнгөрөөе гэдэг чиньнюу гэсэн үг вэ? гэж хэлэх үед Биллийн дуу тайван бус болсон нь илт мэдэгдэв.
- Би үнэндээ... гэснээ Райли хэлэх үгээ болих гэсэн боловч чадсангүй.
- Билл, би чамайг бодоод байна, ажилтай холбоотой биш шүү. Чи намайг боддоггүй гэж үү?
Ингэж хэлэнгүүтээ тэр дээрээсээ хүнд юмаар даруулчих шиг санагдлаа. Тэр буруу юм хийчихлээ, одоо үүнийг буцааж эргүүлэх аргагүй болжээ.
Билл санаа алдсанаа
- Райли, чи согтуу байна. Би чамтай уулзахгүй. Бас чи машин барьж болохгүй. Би гэрлэлтээ аврах гэж оролдож байна, Чи ч гэсэн... чамд ч гэсэн шийдэх асуудал байгаа. Одоо унтахыг хичээ гэж хэлээд шууд утсаа тасаллаа.
- Би юу хийчихэв ээ? хэмээн Райли гэмшсэндээ чанга хэлэв. Тэр хэдхэн хормын дотор бүтэн арван жилийн нөхөрлөлөө үгүй хийчихлээ. Сайн найз, ажлын ганц хамтрагчаа тэр алдчихлаа.
Өөрийнх нь унасан харанхуй ангал ёроолгүй гэж бодож байсан боловч тэр харин ёроолд хүрч мөргөж унажээ. Тэгсэн ч тэр цаашаа унасаар л байлаа.
Райли ширээн дээр байсан шилийг авч ёроолд нь үлдсэн архийг уух уу, эсвэл асгах уу хэмээн хэсэг зуур тээнэгэлзэж сууснаа алдаад унагачихав. Өрөө эргэлдэж байснаа нүд нь харанхуйллаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.05.17 7:25 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 28

Райли нүдээ нээтэл хурц гэрэлд гялбаж гараараа халхаллаа. Толгой нь янгинан өвдөж, ам нь хуурайшжээ. Цонхоор туссан өглөөний хурц гэрэл Петерсоны бамбарын нүд сохлом цагаан дөлийг санагдуулах үед Эприлийн дуу гарлаа.
- Ээж, би хөшиг хаачихъя.
Хөшиг хаах чимээ гарч,өрөөний гэрэл бүдгэрэхэд Райли нүдээ нээлээ. Эприл ээжийнхээ хэвтэж байсан буйдан руу ирж дэргэд нь суугаад барьсан кофегоо өгөхдөө
- Болгоомжтой, их халуун гэв. Райли өндийж кофетой аягыг авах үед толгой нь эргэлээ. Кофеноос балгатал үнэхээр халуун, тэр хурууны өндөг, хэлээ бараг түлэх шахав. Өвдөлт харин ч түүнийг сэргээх шиг боллоо. Эприл ээж рүүгээ харж сууснаа
- Өглөөний хоол идмээр байна уу? хэмээн хөндий хоосон дуугаар асуув.
- Сүүлд болъё. Би өөрөө хийе.
Ээж нь юу ч хийх тэнхэлгүй байгааг анзаарсан Эприл гунигтай инээмсэглээд
- Үгүй, би хийе. Харин хэзээ идэхээ надад хэлээрэй гэж хэллээ.
Тэд дуугаа хураан сууцгааж, урагшаа таг гөлрөн суугаа Эприл Райлид яагаад ч юм өөрийг нь басамжлаад байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн сүүлд гүн ангалын ёроолд унаж ухаанаа алдахын өмнө, шөнө дунд тэр Билл рүү утасдсанаа бүүр түүрхэн саналаа. Одоо харин охин нь шалдаа буусныг нь хараад сууж байна. Эприл дахиад хүйтэн хөндий өнгөөр
- Та өнөөдөр юу хийх вэ? хэмээн асуулаа.
Ингэж асуусан нь хачин санагдсан ч тэр зөв асуулт тавьжээ. Тэр одоо буцаж байрандаа ирэхийн тулд төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Райли зүүдэнд нь хэлсэн аавынхаа үгнүүдийг санаад одоо дотор нь нуугдаад байгаа тэр хар бараан зүйлсийг ил гаргаж мэдэх цаг болсон гэж бодлоо. Амьдралд нь хамгийн их хар толбо үлдээсэн хүн бол түүний эцэг. Ой ухаанд нь байнгын хадаастай байдаг тэр хүнтэй эхэлж уулзсан нь дээр. Амьдралаа яагаад хар бараанаар хардаг болсноо, энэ бүхэн яагаад байнга зүүдэнд нь ордгийг, бас эцэг нь өөрийг нь хайрладаг байсан эсэхийг тэр үнэндээ мэддэггүй байлаа. Энэ бүхэн түүнийг дотроос нь идэж гүйцжээ.
- Би өвөө рүү чинь явдаг юм бил үү гэж бодож байна.
- Өвөө? хэмээн цочсон Эприл асуугаад
- Та өвөөтэй хэдэн жилийн турш уулзаагүй. Яагаад гэнэтхэн түүнтэй уулзахыг хүссэн юм бэ? Өвөө надад дургүй юм шиг байна лээ гэхэд
- Би тэгж бодохгүй байна. Тэр зөвхөн намайг л үзэн ядаад завгүй байсан гэж Райли хэлэх үед охин өөрийг нь улам зоригжуулах шиг санагдлаа.
- Би архины үлдэгдлийг, бас шүүгээнд байсан бүх вискийг ч гэсэн асгачихсан. Таныг мэдсэн нь дээр гэж би бодлоо. Уучлаарай. Надад хамаагүй гэдгийг мэдсээр байж би тэгэх хэрэггүй байсан юм.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.05.17 9:06 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Эприл хэзээ ч хийж байгаагүй зүйлээ хийж, одоо би том болсон гэдгээ харуулсан гэдгийг ойлгоод Райлигийн нүдэнд нулимс цийлэгнэлээ.
- Үгүй, чи ингэх ёстой байсан. Зөв юм хийсэн байна. Баярлалаа, бас намайг уучлаарай. Би өөрөө тэгж чадахгүй байсан.
Райли зоригоо чангалж, нулимсаа арчаад
- Одоо бид ярилцах цаг болсон гэж би бодож байна гэснээ
- Мэдэхийг хүссэн зүйлийн чинь талаар чамд хэлэх хэрэгтэй гэж би бодлоо гэж хэлээд санаа алдлаа.
Эприл толгойгоо эргүүлэн эхийгээ гордлого тээсэн харцаар хараад
- Ээж, таныг үнэхээр ингээсэй гэж би хүсэж байна гэв.
Райли амьсгалаа алгуурхан, гүнзгий авлаа.
- Хэдэн сарын өмнө би нэг хэрэг мөрдөн шалгаж байсан юм.
Эприлд Петерсоны хэргийн тухай ярих тусам дотор нь онгойж цэлмэхийг Райли анзаараад эртхэн ингэх хэрэгтэй байж дээ гэсэн бодол төрлөө.
- Би ажилдаа хэтэрхий автчихсан байсан. Тэр үед би ганцаараа байсан боловч хүлээхийг хүсээгүй. Ганцаараа дөнгөчихнө гэж бодоод би нэмэлт хүч дуудаагүй.
Эприл хэлсэн үгийг нь өлгөн авч
- Та дандаа ингэдэг. Та бүхнийг ганцаараа хийхийг хичээдэг. Бас намайг огт оролцуулдаггүй. Надтай бүр зөвлөж ярилцдаг ч үгүй гэж хэлэв.
- Чиний зөв гэснээ Райли
- Би Мариг аварсан гэж хэлчихээд хэсэгхэн зуур эргэлзсэн боловч чичирхийлсэн хоолойгоор яриагаа цааш нь үргэлжлүүллээ.
- Тэр намайг барьж аваад, сараалжин торонд хийж хорьсон. Тэр бас бамбартай байсан.
Амсаж өнгөрүүлсэн аймшигтай зүйлийг дахин санасан тэрбээр уйлж эхэллээ. Райли маш их ичиж байсан ч яриагаа зогсоохыг хүссэнгүй. Тэгтэл Эприл тайвшруулахаар гараа мөрөн дээр нь тавихыг мэдэрлээ. Тэр бас уйлж байхыг Райли сонсов.
- Ээж минь дээ.
- Манайхан намайг олж чадаагүй гэж мэгших зуураа Райли хэлээд
- Намайг хаанаас хайж олохоо тэд мэдэхгүй байсан юм. Энэ бүгд миний буруу гэлээ.
- Ээж, танд ямар ч буруу байхгүй.
Райли биеэ барьж, нулимсаа арчив.
- Эцэст нь би тэндээс мултарч гараад тэр газрыг дэлбэлсэн. Хүмүүс тэр хүнийг үхсэн, одоо намайг дахиж өвтгөж чадахгүй гэж хэлдэг.
Райлиг дуугаа хураахад Эприл
- Тэр тэгээд үхчихсэн үү? хэмээн асуулаа.
Охиноо тайвшруулахаар "тийм" гэж хариулахыг хүссэн боловч өөрийн эрхгүй
- Би мэдэхгүй байна гэж хэлэхээ Райли сонсов.
Өрөөнд улам ч нам гүм болох шиг.
- Ээж, хэмээн хэлэх Эприлийн дууны өнгө одоо шал өөр, санаа тавьсан эелдэг сонсогдож байлаа. Охиных нь хоолойны өнгө огт ингэж сонсогдож байгаагүй.
- Та хүний амь аварсан болохоор өөрөөрөө бахархах хэрэгтэй. Дахиад айж эхлэхэд Райли зайлуулах гэсэн мэт толгойгоо сэгсэрлээ.
- Яасан бэ?
- Өчигдөр би Маригийн оршуулган дээр байсан.
- Тэр үхчихсэн юм уу? гэж Эприлийг дуу алдахад Райли толгой дохив.
- Яаж?
Райли тээнэгэлзэж, хэлэхийг хүсээгүй ч одоо өөр сонголт байхгүй. Тэр Эприлд бүгдийг үнэнээр нь ярих өртэй. Одоо бүхнийг ардаа нуугаад байж болохгүй.
- Тэр амиа хорлочихсон.
Эприлийн амьсгаа нь дээрдэж
- Өө, ээж минь. Надад маш их харамсалтай байна гэж хэлээд уйлав.
Тэр хоёр хамтдаа удаан, тайвшрах хүртлээ маш удаан уйлцгаалаа. Эцэст нь Райли охиныхоо нойтон хацрыг арчаад инээмсэглэв.
- Чамайг ярьж болохгүй олон зүйл тохиолддог гэдгийг ойлгоосой гэж би хүсэж байна. Хэн нэгэнд хэлж болохгүй, эсвэл чамайг аюулд өртүүлж мэдэх учраас, бас чамайг битгий шаналаасай гэсэндээ би ярьдаггүй байсан юм. Бас би эх хүн ямар байх ёстойг суралцах хэрэгтэй юм шиг байна.
- Гэхдээ ийм том зүйлийг нуугаад байж болохгүй. Та надад үүнийгээ аль эрт ярих хэрэгтэй байсан. Та чинь миний ээж шүү дээ. Танд юу тохиолдсоныг би яаж мэдэх юм бэ? Би одоо бүхнийг ойлгож чадахаар том болсон.
Райли санаа алдлаа.
- Ааваас чинь салсан болохоор чамайг хангалттай шаналж байгаа гэж би бодсон.
- Таны надтай ярилцдаггүй байсантай харьцуулбал салалт надад тийм ч хүнд тусаагүй. Аав надад зааж зааварлахаас бусдаар надад сайн хандаж байгаагүй. Гэтэл та гэнэт шал өөр хүн болчихсон.
Райли Эприлийн гарыг атгаад
- Намайг уучлаарай. Хийсэн бүх зүйлийг минь уучлаарай гэж хэлэхэд Эприл толгой дохиж
- Намайг ч гэсэн уучлаарай гэлээ.
Тэд тэврэлдэж, Эприлийн нулимс хүзүүг нь норгохыг Райли мэдрэх үед одоо би өөр болно гэж хатуу шийдэв. Тэр өөрчлөгдөнө гэж тангараглалаа. Энэ хэргийн ард гарсны дараа тэр жинхэнэ ээж байхыг хүсжээ.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.06.17 12:34 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 29

Райли дуртай дургүй жолоогоо барин хүүхэд насаа өнгөрөөсөн газар луу явж байлаа. Тэндээс чухам юу олохоо мэдэхгүй ч заавал очих ёстой, бас эцэгтэйгээ уулзмааргүй байгаа ч түүнтэй нүүр тулан уулзах хэрэгтэй гэж тэрбээр шийджээ. Очих газар нь байгаа Аппалэшн уулын тэртээх өмнө зүгийг чиглэсэн замаар давхиж явах үед онгорхой цонхоор орох цэнгэг агаар сэтгэлийг нь засаж, дотрыг нь тайвшруулж байлаа. Шенандоагийн Хөндий хичнээн үзэсгэлэнтэй харагддагийг тэр бараг мартжээ. Замд нь хааяа хадан цохионы завсраас гарч зам дээгүүр урсах бяцxан горхинууд тааралдана.
Тэр шатахуун түгээх станц, нэрийн барааны дэлгүүр, сүм, ресторанаас гадна айл байдаг бололтой хэдхэн байшинтай нэг жижигхэн хотын хажуугаар явах үед яг ийм хотхонд бага насаа өнгөрөөснөө дурсан саналаа. Бас Лантон руу нүүхэд тэр хичнээн их гунигласнаа санажээ. Тэр үед бяцxан Райлигийн ирээдүйг урьдчилан бодолцсон ээж нь хотод олон их сургууль байдаг гэж хэлж байж билээ. Хэрвээ тэд тэр эгэл жирийн, айх аюулгүй жижигхэн хотдоо амьдарч байсан бол одоо бүх юм сайн сайхан байх байсан болов уу? Бас ээж нь тэнд олон хүний нүдэн дээр буудуулж үхэхгүй байсан байх даа?
Хотхон ард хоцорч, уулын тахиралдсан замаар ороод хэдэн километр явсны дараа Райли донсолгоо ихтэй шороон зам руу жолоогоо эргүүллээ. Тун удалгүй эцгийнх нь армиас халагдаж тэтгэвэрт суух үедээ худалдаж авсан модон байшин өмнө нь гарч ирэв. Байшингийн дэргэд нэг эвдэрхий ачааны машин харагдана. Райли энд бараг хоёр жил ирээгүй боловч энэ газрыг сайн мэднэ. Тэр машинаа тавиад байшин руу алхах зуур ойн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгаллаа. Цэлмэг нартай өдөр байсан бөгөөд өндөр газрын агаар илүү тунгалаг, сэрүүхэн ажээ. Зөвхөн шувуудын жиргээ, навчны сэрчигнэх чимээ сонсогдох нам гүм энэ сайхан газар Райлигийн сэтгэл татагдаж байлаа. Тэр эцэг нь түлээгээ хагалдаг тайрдасны хажуугаар өнгөрч хаалга руу очив. Тэнд гал түлэхэд хэрэглэх олон мод хагалж хураажээ. Эцэг нь цахилгаан хэрэглэдэггүй боловч булгийн уснаас татаж байшинтайгаа холбожээ.
Ядуу тарчигтаа биш, тэтгэврийнхээ мөнгөөр хаана ч хангалуун амьдарч чадах боловч тэр өөрөө хүссэн учраас ингэж амьдардгийг Райли мэддэг бөгөөд одоо өөрөө ажлаа алдсан болохоор тэтгэврийн тарчигхан мөнгөөр ийм байдалтай амьдрахыг бас үгүйсгэхгүй байлаа. Райли хаалгыг түлхтэл онгойчихов. Энд орон гэрийн хулгай гарах нь ховор үзэгдэл. Тэр байшинд орж эргэн тойрноо сониучирхан харлаа. Хэдэн хийн гэрэлтүүлэг тавьсан ч асаагаагүй бүдэгхэн гэрэлтэй энэ өрөөнд аривч хямгач байдал илт мэдрэгдэнэ. Халуунаараа байгаа ханан зуухнаас шатсан модны үнэр ханхалж байв. Райлиг хамгийн сүүлд энд ирснээс хойш өөрчлөгдсөн зүйл нэг ч байсангүй. Нэг ч бугын толгой, эсвэл зэрлэг амьтных гэмээр зүйл харагдсангүй. Эцэг нь ан их хийдэг боловч зөвхөн хүнс, хувцас хунар хийхдээ л ашигладаг.
Гадаа буу тасxийн дуугарч, нам гүм байдал эвдэгдлээ. Одоо буга агнах улирал биш болохоор эцэг нь хэрэм, зурам мэтийн жижигхэн амьтад агнаж буй бололтой. Райли байшингаас гарч, ангийн мах утдаг пингийн хажуугаар өнгөрөн толгой руу өгсөн моднуудын дундуур гаргасан зөргөөр алхлаа. Замд нь дээгүүр нь бүтээсэн эцгийнх нь уудаг цэвэр усаа авдаг худаг тааралдав. Дараа нь мөчирнөөс нь жижигхэн булцуу шиг жимс ургасан хуучин алимны модны үржүүлгийн газрын хажууд ирээд
- Аав! хэмээн дуудлаа. Хариу өгөхийг сонсоогүй тул тэр цаашаа зэрлэгшсэн мод үржүүлгийн хажуугаар алхаж явсаар эцэст нь түүнийг олж харлаа. Өндөр нуруу нь бага зэрэг бөгтийсэн эцэг нь анчны малгай духдуулж, зэвсгээ тогтоодог олон гархитай улаан хантаазаа өмсчихсөн зогсож байв. Хөлнийх нь дэргэд гурван үхсэн хэрэм хэвтэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.06.17 2:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Райлигийн сэтгэл зүй бас их сонирхолтой бгаа юмаа. Өөрөө гэмт хэрэгтнийг мэдэрч, сэтгэж чаддаг. Бас их дотогшоогоо. Бүх хүнд хэцүү бүхнийг өөрөө давж гарах гэсэн бодолтой. Ганцаардмал ч юм шиг.

Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.07.17 2:41 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Эцэг нь гэртээ харихаар уулнаас буухад Райли араас нь дагаж алхааг нь бараг гүйцэхгүй шахам шогшиж явав.Тэтгэвэрт гараад олон жил болсон ч тэр армид сурсан зангаа огт тавиагүй тэрбээр хүч чадал нь хэвээрээ байгаа бололтой.
Модон байшингийн гадаа ирээд эцэг нь Райлигийн таамаглаж байснаар гэртээ орохыг урьсангүй, хэрэмнүүдээ хаалганы дэргэд тавьсан сагс руу чулуудчихаад хураасан түлээ рүү очин сандайлж суулаа. Дараа нь малгайгаа авч цэргийн маягаар тачирхан богино засуулсан буурал үсээ илэв. Тэр Райли руу эгцэлж харахгүй байлаа.
Райли суучихмаар газар олж хараагүй учир шатан дээр суугаад яриа өдөхөөр
- Таны гэр их гоё харагдсан гэж хэлээд
- Бас ангийн толгой өлгөөгүй байна лээ гэв.
- Тийм шүү гэж эцэг нь зөвшөөрөнгүй хэлээд
- Вьетнамын дайны үеэр би буудсан дайсныхаа толгойг авч явдаггүй байсан. Тийм болохоор одоо ч гэсэн ингэхийг хүсэхгүй байна гэлээ.
Эцэг нь тоглоом шоглоомоор дандаа ингэж ярьдаг байсныг санасан Райли толгой дохив.
- Чи энд яах гэж ирэв? хэмээн эцэг нь асуулаа.
Хатуу ширүүн, цэвдэг ч гэмээр хайрлаж өрөвдөхийг мэддэггүй энэ хүнээс юу хүссэн юм бол гэж Райли бодсоноо
- Аав, би хүнд байдалд орчихоод байна гэв.
- Юу болсон юм бэ?
Райли гунигтай инээмсэглээд толгойгоо сэгсрээд
- Яг хаанаас нь эхэлж ярихаа би мэдэхгүй байна гэж хэлсэнд эцэг нь шүлсээ газар луу нулимаад
- Тэр гаж донтонд өөрийгөө барьж өгдөг чинь хамгийн тэнэг явдал байсан гэлээ.
Эцэгтэйгээ хэдэн жил холбоо бариагүй болохоор Райли мэл гайхлаа. Тэр энэ талаар яаж мэдсэн юм бол?
- Таныг бидний амьдардаг ертөнцтэй холбоогүй амьдардаг гэж бодсон юмсан.
- Хааяа хотод очих үед зарим юм дуулдаж л байх юм.
Райли таны нэрлээд байгаа "тэнэг явдал" чинь нэг эмэгтэйн амийг аварсан гэж хэлэхээ дөхсөн боловч одоо харин тэр нь ямар ч ашиггүй худлаа болсон гэдгийг санаад дуугүй өнгөрлөө.
Эцэг нь өөрийнх нь талаар мэдэхийг оролдсон нь Райлид сонин санагджээ. Тэр өөрийнх нь талаар бас юу мэддэг юм бол?
Тэр тийм ч олон юм мэдэхгүй байх.
- Алуурчинтай холбоотой хэргийн дараа чиний сэтгэл санаа авахын аргагүй болсон юм биз дээ? гэж аав нь асуухад Райли
- Та хэрвээ намайг ГДСӨ-тэй болсон гэдгийг хэлж байгаа бол тийм ээ, тэр үнэн гэж хариулав.
- ГДСӨ, гэж эцэг нь давтан хэлэхдээ инээмсэглэх мэт уруулаа мушийлгав
- Энэ балай үсэгнүүд юу гэсэн утгатай болохыг би тогтоох ч үгүй юм байна. Энгийн үгээр хэлэхэд миний бодлоор чамайг нэг сул дорой амьтан гэж нэрлэхэд болно. Дайны үеэр элдэв янзын юм хийж, үзэж харах үед ч, дайнаас буцаж гэртээ эргэж ирсэн хойно ч гэсэн намайг наад ГДСӨ гэдэг юм чинь зовоож байгаагүй. Болж өнгөрсөн зүйлд харамсаж шаналаад байгаа хүнийг би ерөөсөө ойлгодоггүй.
Тэр Райлиг тэнд огт байхгүй юм шиг чанх урагшаа харж сууна. Энд ирснээрээ өөрт нь тохиолдоод байгаа зүйлийн учрыг тайлах нэг ч гэсэн юм олно гэсэн итгэлтэй ирсэн Райли одоо харин зорилго маань бүтэлгүйтэх юм биш байгаа хэмээн бодов. Эцэг нь магтан сайшаах нэг ч үг хэлэхгүй гэдгийг мэдэж байсан тэрбээр түүнтэй жаахан ч гэсэн ярилцаад авахыг хүссэн билээ.
- Аав, надад одоо мөрдөж байгаа нэг хэрэгтэй холбоотой хэцүү асуудал тулгараад байна. Нэг цуврал алуурчин эмэгтэйчүүдийг тамлаж, боомилж алчихаад дараа нь цогцсыг нь гадаа орхиж байгаа.
- Тийм ээ, би энэ тухай сонссон.Тэднийг нүцгэн орхидог гэсэн. Зүгээр л нэг өвчтэй амьтан.
Эцэг нь дахиад шүлсээ нулимчихаад
- Чамайг удирдлагатайгаа зөрчилдөж байгааг би гадарлаж байна. Тэр албан тушаалтнууд чинь юу хийхээ мэддэггүй юм. Тэд бас чамайг сонсохыг ч хүсэхгүй.
Райли дахиад гайхав. Тэр үүнийг яаж мэддэг байна аа?
- Вьетнамын дайны үеэр надад ч бас адилхан байсан. Дээгүүр сууудалтай албан тушаалтнуудаас болж бид тэр хараал идсэн дайнд ямар ч үр ашиггүй тулалдсан. Христ минь, тэд хэрвээ над мэтийн хүмүүст даатгасан бол бид ялах байсан. Энэ тухай бодохоор л миний дотор муухайраад байдаг юм.
Райли эцгийнхээ ярианаас хэзээ ч сонсож байгаагүй нэг зүйлийг мэджээ. Энэ бол харуусал байлаа. Тэр дайнд ялж чадаагүйдээ дотроо харамсаж гомдоллосоор байдаг ажээ. Энэ түүний алдаа биш байх нь хамаагүй, эцэг нь өөрийгөө хариуцлага хүлээх ёстой нэгэн гэж боддог юм байна.
Райли эцгийнхээ царайг ажиглаж байгаад нэг юм анзаарлаа. Царай нь ээжтэйгээ гэхээсээ илүү эцэгтэйгээ их адилхан юм. Энд бас өөр ч юмнууд байлаа. Эцэгт нь байдаг чанарууд бас түүнд байдаг, тэд хоорондоо таарч тохирдоггүйгээс гадна, тэд арай дэндүү гэмээр зөрүүд гөжүүн зантай, бас юманд хэтэрхий хариуцлагатай хандацгаадаг. Энэ бүх чанар нэг дороо байх нь тийм ч муу зүйл биш. Тэдний хувьд маш ховорхон тохиолдох энэ мөчид эцэг нь мэдэхийг хүссэн юмыг нь хэлж өгөх болов уу хэмээн бодож суусан Райли
- Аав, тэр цогцоснуудыг нүцгэлж, гадаа тавих зэргээр аймшигтай юм хийж байгаа ч... гэж хэлснээ тохирох үг хайж түр завсарлав.
- Хохирогчдыг орхиж байгаа газар нь ой, гол горхи гээд дандаа байгалийн үзэсгэлэнтэй газрууд байсан. Тэр аймшигтай хэрэг үйлдэж байж яагаад заавал ийм газрууд сонгодог юм бол, та юу гэж бодож байна?
Эцэг нь тархинд нь хадгалаастай байгаа дурсамж бодлуудаа ухаж төнхөх мэт нүдээ аньж хэсэг сууснаа
- Тэр бүхнийг шинээр эхлэхийг хүсэж байна. Тэр хуучин эхлэсэн газраа буцаж очихыг хүсдэг. Энэ чамтай адилхан биш байна гэж үү? Чи ч гэсэн болсон бүх явдлаас өмнөх үе, хүүхэд насандаа эргэж очин бүхнийг дахиад эхлэхийг хүсдэггүй гэж үү? Яг хэзээ, хаана алдаа гарсныг олж залруулан амьдралаа өөрчилмөөр байдаг биз дээ? гэж хэлээд түр амсxийлээ. Энэ хооронд Райли хэдийгээр өөрөө жаахан охин байсан ч энэ хүрээлэн байгаа ой мод, уул толгодыг орхиж явах үед хичнээн их харамсаж гуниглаж байснаа санажээ. Эцэг нь маш чухал юм, үнэнийг хэлжээ.
- Тийм учраас л би энд амьдардаг гэж эцэг нь хэлээд бодолд автан дуугүй боллоо.
Эцгийнх нь хэлсэн үгнээс нэг зүйл түүнд тодорхой болов. Алуурчин эмэгтэйчүүдийг хүүхэд насаа өнгөрөөсөн гэр орондоо хорьж тамлан зовоодог гэж Райли одоог хүртэл ч бодож байсан ч алуурчныг өнгөрсөн цаг хугацаа руугаа очиж бүхнийг өөрчлөхийн тулд зориуд ийм сонголт хийсэн гэж санаанд нь огт ороогүй ажээ.
Эцэг нь Райли руу бас л харсангүй
- Зөн совин чинь чамд юу хэлж байх юм? хэмээн асуулаа.
- Энэ хүүхэлдэйнүүдтэй холбоотой гэж би бодож байна. Удирдах газрынханд энэ талаар ямар ч төсөөлөл байхгүй. Тэд буруу юмны араас хөөцөлдөж байгаа. Гэмт хэрэгтний үйлдэл зөвхөн хүүхэлдэйтэй холбоотой. Энэ л хэргийг тайлах гол түлхүүр гэж би бодож байна.
Аав нь хоолойгоо засаад
- Ер нь чи зөн совингоо дагасан нь дээр. Юу хийх гэж байгаагаа тэр новшнуудад хэлээд дэмий гэж хэллээ.
Райли бүр мэл гайхаж цэл хөхөрлөө. Тэр өөрийг нь магтах гэсэнгүй, бас эелдэг хандахыг ч оролдсонгүй. Тэр яг урьдын адил новшийн зангаа гаргаж байгаа ч харин сонсохыг хүссэн зүйлийг нь хэлжээ.
- Би бууж өгөхгүй гэж Райлиг хэлэхэд
- Ямар ч новшийн юм болсон бай чи бууж өгч болохгүй гэж бухимдаж эхлээд байсан эцэг нь шивнэлээ.
Тэдэнд одоо өөр ярилцах юм үлдсэнгүй. Райли босож үнэн сэтгэлээсээ
- Аав, тантай уулзахад сайхан байлаа гэж хэлэхэд газар ширтэн суух эцэг нь хариу хэлсэнгүй. Райли машиндаа суугаад тэндээс хөдөллөө.
Энд ирэх үеэ бодвол ямар нэгэн байдлаар зарим нэг юмны учир олдсон юм шиг санагдаж одоо Райлигийн сэтгэл санаа хамаагүй дээрджээ. Тэр бас урьд нь мэдэхгүй байсан зүйлээ ч олжээ. Алуурчин хөлсний байранд, эсвэл дулааны шугамын хаа нэгтээ биш, ой модны хаа нэгтээ урц, овоохойд ч биш, харин үзэсгэлэн төгөлдөр харагддаг гоё байгалтай газар амьдардаг байж таарлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.07.17 3:07 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Сонин юм аа их нууцлагдмал байдлаар аавыг нь дүрсэллээ. Райлигийн дурсамжаар бол аав нь Райлиг ийм ганцаардмал, хаалттай нэгэн болоход нөлөөлсөн юм шиг, бас ээж нь олон хүний нүдэн дээр буудуулж үхсэн бдаг. Гэтэл энд аав нь армиас тэтгэвэрт гарсан цэрэг, Райлиг анзаардаггүй царайлдаг ч бүх зүйлийг нь мэдэж бдаг зөрүүд хөгшин шиг л бна.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.07.17 4:51 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
* * *
Райли замд тааралдсан нэг жижигхэн хотын кафед сууж байлаа. Эцэг нь хоол цай өгөөгүй болохоор (энэ бол гайхаад байхаар зүйл биш) тэр өлсөж байжээ. Зөөгч гахайн утсан мах, улаан лооль, салатны байцаарай сандвич авчирч урд нь тавих мөчид Райлигийн гар утас дуугарлаа. Үл мэдэх дугаараас залгахыг харсан тэрбээр болгоомжилсон ч утсаа авав.
- Райли Пэйжийн утас мөн үү ? хэмээн нэг эмэгтэй албаны маягтай асуулаа.
- Тийм байна.
- Шугаман дээр сенатор Митч Ньюброу хүлээж байна. Тэр тантай ярилцахыг хүссэн. Түр хүлээхийг хүсч болохсон болов уу?
Райлид аюулын дохио хангинах шиг санагдав. Нэрийг нь ч сонсохыг хүсдэггүй хүмүүсийн жагсаалтанд Ньюброу хамгийн дээд талд нь байдаг. Тэрбээр нэг ч үг хэлэлгүй утсаа таслахыг хүссэн ч тээнэгэлзлээ. Ньюброу бол хүч нөлөөтэй дайсан болохоор дахиад үзэн ядагдахаар зүйл хийх нь ухаангүй хэрэг.
- Хүлээж байя.
Нэг хормын дараа тэр сенаторын дууг сонслоо.
- Сенатор Ньюброу байна. Би Райли Пэйжтэй ярьж байна ойлголоо.
Райли уурлах ёстой юу, эсвэл үхтлээ айх ёстой юм уу гэдгээ мэдсэнгүй. Сенатор өөрийг нь утас цохьсон юм шиг аашилж байлаа.
- Та энэ дугаарыг яаж олсон юм бэ? гэж Райли асуув.
- Би хүссэн бүх юмаа олж чадна гэж Ньюброу нөгөө л хөндий хүйтэн өнгөөр хэпээд
- Би чамтай хувиараа уулзаж ярилцмаар байна гэлээ.
Райлид улам эмээх сэтгэл төрлөө. Тэр ямар шалтгаанаар надтай уулзах гэсэн юм бол? Ямартай ч олигтой юм биш байж таарна. Асуудлыг хүндрүүлэлгүйгээр энэ уулзалтаас яаж татгалзах вэ?
- Би танайд очиж болох юм. Хаана амьдардагийг чинь би мэднэ гэж сенаторыг хэлэхэд гэрийнх нь хаягийг яаж мэдсэнийг тэр асуух шахсан ч ямар хариулт өгөхийг нь мэдэж байлаа.
- Бид одоо утсаар ярилцчихаж болно шүү дээ.
- Энэ боломжгүй гэж би эмээж байна. Энэ талаар би утсаар яримааргүй байна. Чамтай яаж хурдан уулзах вэ?
Райлид өөрийгөө Ньюброугийн хүчирхэг саварт атгуулчихсан юм шиг санагдсан тул уулзахаас татгалзахыг хүслээ. Гэхдээ яаж?
- Яг одоо би хотод байхгүй байна. Тэгээд ч гэртээ нилээн оройтож харина. Маргааш өглөө би охиноо сургуульд нь хүргэк өгнө. Бид Фредериксбургийн хаа нэгтээ кофены газар уулзаж болох юм.
- Үгүй, олны хөлийн газар болохгүй. Хүн амьтанд анзаарагдахааргүй газар байх хэрэгтэй. Сурвалжлагч нарт өртчихвөл намайг дагаад салахгүй. Би хүмүүсийн нүдэнд өртмөөргүй байна. Квантикод уулзвал яаж байна?
Райли үзэн ядаж байгаагаа дууныхаа өнгөөр мэдэгдэхгүйг хичээсэн ч чадсангүй.
- Би тэнд ажиллахаа больсныг та мэдэж байгаа биз дээ? Та үүнийг бусдаас илүү сайн мэдэж баймаар юм.
Утасны цаана чимээ гаралгүй хэсэг удлаа.
- Чи Магнолия Гарден Кантри Клубыг мэднэ биз дээ?
Энэ тэнэг асуултыг сонсоод Райли санаа алдав. Мэдээж тэр тэнд байж үзээгүй.
- Мэднэ гэж хэлж чадахгүй нь.
Энэ олоход маш амархан. Квантико, манай эдлэн хоёрын яг дунд байдаг. Тэнд арав гучид байж байгаарай.
Тэр өөрөөс нь асуусангүй, харин шууд тушаасан болохоoр Райлид таалагдсангүй. Ажлаас нь халчихсан мөртлөө өөрөөс нь дахиад юм шаардаад байдаг тэр одоо хэн бэ?
Райлигаас хариу сонсоогүй Ньюброу
- Арай эрт байна уу? хэмээн асуулаа.
- Үгүй гэж тэр хэлээд
- Гэхдээ энэ зөвхөн... гэтэл Ньюброу яриаг нь шууд тасалж
- Тэгэхээр чи тэнд оч. Энэ зөвхөн гишүүдэд зориулагдсан ч чамайг дотогшоо оруулах тал дээ би санаа тавих болно. Чи үүнийг хиймээр байгаа. Тэгээд ч энэ хичнээн чухал болохыг аяндаа мэднэ. Надад итгэ гэж хэлээд баяртай ч гэсэнгүй утсаа тасалчихав. Райли бүр балмагдчихжээ.
"Надад итгэ" гэж тэр хэлсэн. Райли сэтгэл нь хөдөлж айж сандраагүй байсан бол энэ түүнд инээдтэй санагдах байсан. Ертөнц дээр хэзээ ч итгэж чадахгүй хүмүүсийн тоонд Петерсоноос гадна өөр бусад алуурчдын дараа тэр мэдээж Ньюброуг оруулна биз. Ньюбруд итгэснээс Карл Валдерт итгэсэн нь бараг дээр. Гэвч тэр нэг юм хэлсэн.
Райлид ямар ч сонголт үлдсэнгүй. Гэхдээ Ньюброу алуурчныг олоход хэрэгтэй нэг чухал юм хэлэх гэж байгаа гэдгийг тэр мэдэж байлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.07.17 4:57 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
mmiracle wrote:
Сонин юм аа их нууцлагдмал байдлаар аавыг нь дүрсэллээ. Райлигийн дурсамжаар бол аав нь Райлиг ийм ганцаардмал, хаалттай нэгэн болоход нөлөөлсөн юм шиг, бас ээж нь олон хүний нүдэн дээр буудуулж үхсэн бдаг. Гэтэл энд аав нь армиас тэтгэвэрт гарсан цэрэг, Райлиг анзаардаггүй царайлдаг ч бүх зүйлийг нь мэдэж бдаг зөрүүд хөгшин шиг л бна.

Баярлалаа :wd: :wd:

Rайлигийн хүүхэд нас маш хүнд байсан, эх нь нүдэн дээр нь алуулсан, эцэг нь хахир хатуу, бараг байнга доош нь хийж сэтгэлийн дарамтад оруулдаг байсан бололтой. Үнэнийг хэлэхэд энэ зохиолыг жаахан товчилмоор байсан ч гол дүр маань бүрхэг болчих гээд байсан. Гэхдээ одоо ч бараг дуусах дөхөж байна. 7 бүлэг үлдсэн.
Орчуулахад нилээн хүндрэлтэй юм байна. Уншихад гайгүй санагдсан ч монгол хэл дээр орчуулахад амаргүй юм байна. ккккк :frog: :frog: :frog:

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.07.17 1:20 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jun.19.02 4:11 pm
Posts: 782
Location: closer than your breath
tiisht, unshihad zvgeer hernee yag mgl hel dr orchuulhaar bolsgui
mgl hel joohon suga hel... manai dvv As good as get it* gdg kinog en yugj bgaan gj asuugaad bi yum olj mgl r helj chadaagui lol

_________________
a perfect machine


Top
   
PostPosted: Sep.07.17 8:33 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 30

Райли Магнолиа Гарденс Кантри Клубын руу ирээд нэг жижигхэн цагаан барилгын урд орох хаалганы дэргэд саатлаа. Хаалгыг ногоон цагаан судалтай хөндлөвч модоор хаасан харагдах бөгөөд байшингаас самбар барьсан дүрэмт хувцастай хамгаалагч эр гарч ирэн машин руу нь жолоочийн талд хүрч ирэв. Райли цонхоо онгойлгоход тэрбээр
- Таны нэр? хэмээн товчхон асуулаа.
Клубт орох дүрэм журмыг мэдэхгүй ч энд ирнэ гэдгийг нь урьдчилан мэдэгдэнэ гэж Ньюброу хэлсэн билээ.
- Намайг Райли Пэйж гэдэг. Би, нөгөө юу..., сенатор Ньюброугийн урьсан зочин байна.
Хамгаалагч самбар луугаа хараад толгойгоо дохиж
- Орж болно гэж гэж хэлэв.
Хөндлөвч мод дээшээ өргөгдөхөд Райли цаашаа чамин тансаг, өнгө алагласан, жилийн энэ улиралд баймгүй хурц үнэр ханхлуулсан цэцэрлэгийн дундуур тахиралдсан замаар явсаар урдаа олонцагаан баганатай чулуун барилгын урд очлоо. Гашуудлын төвийн барилгын багануудыг бодвол энэ харин жинхэнэ урлагийн бүтээл ажээ. Райлид яагаад ч юм арван есдүгээр зууны үеийн өмнө зүгийнхний эдлэнд ирчихсэн юм шиг сэтгэгдэл төрөв.
Нэг залуу машин руу нь гүйж ирэн карт өгчихөөд түлхүүрийг нь авлаа. Тэр машиныг нь аваад явчихав.
Райли орох хаалганы өмнө очиход Ньюброугийн байpны өмнө зогсож байсан үеийнх шиг бие нь нэг л тавгүйрхэв. Өдөр тутам хувцасладаг шигээ жимсэн өмд өмссөн тэрбээр өөрийг нь байшинд оруулах болов уу хэмээн өөрөөсөө асуулаа. Ийм маягийн газар ирэхдээ тусгай ёслолын хувцас өмсөх ёстой юм болов уу? Гэхдээ хүрмээ мөрөн дээрээ тохчиход болох байлгүй дээ.
Дүрэмт хувцас өмссөн залуу гарч ирэн Райлитай мэндэлж
- Хатагтай, таныг хэн гэдэг билээ? гэж асуув.
- Райли Пэйж хэмээн хариулаад тэр арай үнэмлэх шалгах юм биш байгаа гэж дотроо бодов.
Залуу түүнийг дотогшоо дагуулж орон урт хонгилоор явсаар жижигхэн тусгай хоолны өрөөнд орууллаа. Райли үйлчлэгчид халаасны мөнгө өгөх ёстой эсэхээ мэдсэнгүй, бас хичнээн мөнгө өгдгийг ч мэдэхгүй байлаа. Тэр арай ХМТ-ны мөрдөгчөөс илүү мөнгө олдог юм биш байгаа? Халаасны мөнгө өгөх нь харин өгөхгүй байснаасаа илүү зохимжгүй мэт санагдсан тэрбээр алдаа гаргахаас зайлсxийхээр шийдээд
- Танд баярлалаа гэж үйлчлэгчид хэллээ. Залуу гомдсон шинжгүй толгой дохьчихоод гараад явчихав.
Хоолны өрөө хэдийгээр жижигхэн ч Райлигийн хэзээ ч орж зүрхлэхээргүй тансаг зэрэглэлийнх ажээ. Энд цонх байгаагүй боловч хананд гадаа дөнгөж сая хажуугаар нь өнгөрсөн цэцэрлэгийг дүрсэлсэн тосон будгийн урагнуудыг өлгөжээ. Ширээн дээр хоолны мөнгөн хэрэгслүүд, хятад шаазан, болор шилнүүдийг өрж тавьсан харагдана. Тэр сенатор Ньюброуг орж ирэх үед шууд олж харахын тулд хаалга руу харж суух нэг сандал сонголоо.
Тэр хэрвээ ирвэл шүү дээ. Тэр ирэхгүй байх шалтгаан байхгүй ч Райлид яагаад ч юм энэ бүхэн нэг л хуурамч юм шиг санагджээ.
Өрөөнд цагаан хувцас өмссөн зөөгч эр орж ирэн Райлигийн урд, ширээн дээр тавагтай бяслагнаас гадна талхан дээр түрхэж иддэг төрөл бүрийн амттан тавиад
- Хатагтай, та юм уумаар байна ыы? гэж боловсон байдалтай асуулаа.
- Баярлалаа, надад ус авчраад өгөөч.
Зөөгч өрөөнөөс гарч тун удалгүй болор савтай ус, бас хоёр болор шилэн аяга барьчихсан буцаж ирлээ. Тэрбээр нэг аяганд ус хийж урд нь тавиад нөгөө аягыг нь хоосон орхив.
Райли уснаас уух зуураа гар дахь гоёмсог болор аягаа бишрэн харлаа. Тэр сенаторыг удаан хүлээсэнгүй. Урьдын адил хүйтэн хөндий, ширүүн харагдах сенатор өөрөөний хаалгыг дотроос нь цоожлоод өөдөөс нь харж суугаад
- Чамайг ирсэнд би их баяртай байна, мөрдөгч Пэйж. Надад чамд өгөх нэг юм байгаа гэж хэлэв. Тэрбээр савхин хавтастай зузаан тэмдэглэлийн дэвтэр ширээн дээр тавилаа. Райли дэвтэр лүү болгоомжтой харах зуур анхны уулзалтан дээр Ньюброугийн өөрт нь өгсөн өрсөлдөгч нарын нэрсийн жагсаалтыг санав. Энэ арай тэрэн шиг юм биш байгаа?
- Энэ юу вэ?
- Миний охины өдрийн тэмдэглэл. Үүнийг би түүнийг ... дараа гэрээс нь олсон. Тэгээд би дэвтрийг хэнд ч харуулахыг хүсээгүй учир өөртөө авчихсан юм. Дотор нь юу бичсэнийг би үнэндээ мэдэхгүй, би дэвтрийг нэг ч удаа нээж хараагүй. Гэхдээ энэ дотор миний хэнд ч мэдэгдэхийг хүсэхгүй байгаа зүйл байгаа гэдгийг би сайн мэдэж байна.
Райли юу хэлэхээ мэдсэнгүй, бас энэ дэвтрийг яагаад өөрт нь өгөх гээд байгааг ойлгосонгүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.07.17 8:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Урт нь хамаагүй ээ. Харин ч Райлигийн тухай илүү гүнзгий мэдэх сонирхолтой бна. Эцсийн эцэст нэг юм сенатор гуай арай эрүүлээр сэтгэж эхэлсэн бололтой.

Би гэхдээ монгол хэл сугадаа биш би өөрөө монгол хэл, гадаад хэлэндээ муу болохоор гоё оносон орчуулга хийж чаддаггүй гэж боддог шд. Таны орчуулга бол гоё л бна, ойлгохгүй ч юм уу тийм юм алга. Баярлалаа :l2: :l2:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.07.17 11:05 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Ньюброу урьд нь өөрөөс нь нэг мэдээлэл нуугаад байгааг Райли мэдэж байсан бөгөөд хэлэх үгээ нилээд цэнэж байгааг нь ажиглаад тэр одоо магадгүй үүнийгээ хэлэх гэж байгаа байх гэж горьдож байжээ. Эцэст нь Ньюброу ам нээв.
- Сүүлийн жилүүдэд охинд маань мансууруулах бодис хэрэглэдэг байсан. Кокайн, геройн, МДМ гээд янз бүрийн хүчтэй мансууруулагч. Нөхөр нь түүнийг ийм байдалд түлхэж оруулсан. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтэх болсон шалтгааны нэг нь энэ байсан юм. Нас барахаас нь өмнө охиноо энэ байдлаас гарч чадна гэж ээж нь, бас би ч гэсэн найдаж байлаа.
Ньюброу яриагаа түр завсарлаад дэвтэр лүү гөлрөн харж сууснаа
- Анх би охиныхоо үхлийг хар тамхитай ямар нэг байдлаар холбоотой гэж бодож байсан. Эргэн тойронд нь байнга эргэлдэж байдаг мансуурагчид, хар тамхи зардаг хүмүүс бүгд бохир заваан новшнууд байсан. Энэ бүхнийг дэлгэхийг би хүсээгүй юм. Чамайг ойлгосон гэж би мэдэж байна гэлээ.
Райли бүрэн ойлгосон эсэхээ ч сайн мэдсэнгүй, гэхдээ тэр маш их гайхжээ.
- Охины тань үхэлд мансууруулах бодис ямар ч хамаагүй.
- Би ойлгосон гэж Ньюброу батлан хэлээд
- Бас нэг эмэгтэй үхсэн олдсон гэсэн биз дээ? Тэгэхээр дахиад олон хохирогч нар олдохыг үгүйсгэхгүй. Энэ хэрэг надтай болон миний гэр бүлтэй холбоотой гэж би буруу бодож байжээ гэлээ.
Райли бүр балмагдчихав. Итгэхийн аргагүй амин хувиа хичээдэг энэ эр буруу юм хийсэн гэдгээ ер нь хүлээж байсан болов уу?
Ньюброу дэвтрээ алгадаад
- Үүнийг аваад яв. Хэргийг мөрдөхөд тус болох мэдээлэл олоход чинь энэхэрэг болно гэж хэлэхэд Райли
- Би энэ хэргийг мөрдөхөө больсон, сенатор гэж хэлээд Райли гашуунаар мушийгаад
- Удирдах газар намайг ажлаас минь халчихсан гэдгийг та мэдэж баймаар юм гэлээ.
- Өө, нээрэн тийм л дээ гэснээ Ньюброу толгойгоо гэлжийлгэн бодол болж сууснаа
- Энэ миний хийсэн алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна. Надад жаахан цаг өгөөдөх. Тэр хооронд та цагийг хоосон өнгөрөөхгүй гэдэгт би итгэлтэй байна гэж хэлэв.
Сенаторын хүч чадал. эрх мэдлийг дахиж мэдэрсэн Райли амьсгалаа гүнзгий аваад
- Сенатор, би бас танаас уучлалт гуйх ёстой. Хамгийн сүүлд уулзалдах үед би... нэг найзынхаа оршуулганы дараа би шууд очсон болохоор жаахан хямарчихсан байсан. Тэр үед би хэлж болохооргүй нилээд юм хэлчихсэн гэлээ.
Ньюброу уучлалыг нь хүлээн авч буй бололтой толгой дохив. Тэр бас уул нь өөрөөс нь уучлалт гуйх ёстой гэдгийг Райли мэдэж байсан ч алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь хангалттай байлаа. Ямартай ч тэр алдаагаа засах гэж оролдсон болохоор уучлалт гуйснаас хамаагүй дээр.
Райли өдрийн тэмдэглэлийг авлаа.
- Сенатор, одоо би ганц зүйлийг мэдмээр байна. Та яагаад энэ дэвтрийг Валдерт биш. харин надад өгч байгаа юм бэ?
Сенатор уруулаа үл мэдэг мушийлган инээмсэглэв.
- Яагаад гэвэл би чамайг сайн мэддэг болсон учраас, мөрдөгч Пэйж. Чи бол хэн нэгний бууны нохой биш.
Райл хариу хэлж түвдсэнгүй. Ганцxан өөрийгөө л дөвийлгөж боддог энэ эрхмээс магтаалын үг сонссон тэрбээр мэл гайхжээ.
- Та өдрийн хоол идмээр байна уу? гэж сенаторыг асуухад Райли түр бодолхийлэв. Ньюброу өмнөхөөсөө шал өөрөөр хандаж байгаад талархсан ч гэсэн тэрбээр түүний дэргэд байхад биеэ барьсан, тайван бус байх ажээ. Сенатор хүйтэн хөндий, таагүй нэгэн хэвээр харагдана.
Тэгээд ч одоо түүнд хийх ажил байгаа учраас
- Таныг зөвшөөрвөл би үүнээс татгалзмаар байна гэж хэлээд Райли сенаторт өдрийн тэмдэглэлийг харуулаад
- Би дэвтрийг цаг алдалгүй яг одоо үзэж судалмаар байна. Өө тийм, энэ дотроос нэг ч зүйл гадагш нь задруулахгүй гэдгээ би танд амлая гэж хэллээ.
- Амлалтанд чинь би итгэж байна.
Райлиг өрөөнөөс гарах үед Ньюброу суудлаа өндийлөө. Райли барилгаас гарч үйлчлэгч залууд картаа өгөөд машинаа хүлээх зуур тэмдэглэлийн дэвтрийг нээж харав. Тэрбээр хуудаснуудыг гүйлгэж унших үедээ Реба Фрайэ хууль бус хар тамхи хэрэглэдэг тухайгаа маш олон удаа бичсэнийг олж харлаа. Бас тэр эмэгтэй өөрийн түвшнээс доош давхрагынхныг үзэн яддаг, амин хувиа бодсон нэгэн байсан гэмээр сэтгэгдэл төрөв. Дэвтэрт арай ганцxан энэ талаар л бичсэн юм биш байгаа? Реба эцэгтэйгээ адилхан нарсист байсан ч тэр ингэж аймшигтайгаар үхэх ёсгүй байсан.
Залуу машиныг нь жолоодон авчрах үедээ замын хашлага давуулахыг Райли анзаарсангүй, тэрбээр алуурчныг олоход хэрэгтэй зүйл олох найдлага багассан ч дэвтрийн хуудсыг эргүүлэн дуустал нь уншлаа. Харамсалтай нь тэр ямар ч сэжүүр олсонгүй. Райли сэтгэлээр унаж, уншсан дэвтрээ буулгах үед хуудасны завсар хавчуулагдсан жижигхэн цаас цухуйж харагдсанд сугалж аваад харлаа.
Цаасыг сонирхож харсан Райлигийн зүрх цээжийг нь дэлдэх мэт хүчтэй дэлсэж, цочирдож мэгдсэн тэрбээр дэвтрээ алдчихав.
Тэр гартаа барьсан хүүхэлдэйний дэлгүүрийн тасалбарыг өөрийн мэдэлгүй базлаа.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.08.17 3:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Ээ Ньюрбоу эртхэн шиг энэ дэвтрээ өгчихгүй дээ. Замд тааралдах бул хар чулуу болсон хүмүүс бх юм аа.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.08.17 3:37 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 31

Энэ байж шүү дээ. Тэр олон хүний үхлийн дараа гартаа оруулж авсан зүйлдээ Райли итгэж чадахгүй байлаа. Гараар бичсэн барааны тасалбарын дээд талд дэлгүүрийн нэр хаяг дурайж харагдана. Маделины Загварын дэлгүүр, Виржиниа, Шеллисфорд. Тасалбар дээр хүүхэлдэйний эсвэл тоглоомын дэлгүүр гэсэн үг байхгүйг хараад гайхсан Райли гар утсан дээрээ дэлгүүрийн вэбсайтыг олов. Энэ эмэгтэйчүүдэд зориулсан хувцасны дэлгүүр байлаа. Гэвч энэ дэлгүүр маш ховор хүүхэлдэйнүүд зардгийг тэр бас олж мэдэв. Хүүхэлдэйнүүдийг зөвхөн цаг авч байж үзэж болдог ажээ. Райлигийн нуруугаар хүйтэн юм гүйх шиг боллоо.
Энэ нөгөө хайж байгаа газар гарцаагүй мөн.
Райли газар унасан дэвтрийг тонгойж аваад хуудсыг хурдан эргүүлж тасалбар дээрх сар өдрийн тэмдэглэлийг гаргаж ирлээ.

Дэббид яг тохирсон жижигхэн хүүхэлдэй худалдаж авлаа. Хэдийгээр төрсөн өдөр нь сарын дараа болох ч түүнд таарсан бэлэг олох амаргүй юм.

Энд бүгдийг тодорхой бичжээ. Реба Фрайэ охиндоо зориулж Шеллисфордод байдаг дэлгүүрээс хүүхэлдэй худалдаж авсан байна. Бусад хохирогчид ч мөн адил тэндээс хүүхэлдэй худалдаж авсан гэдэгт Райли огт эргэлзсэнгүй. Бас алуурчин тэднийг тэнд анх харсан байж таарлаа.
Райли гар утсан дээрээ газрын зураг гаргаж харвал Шеллисфорд хүртэл машинаар нэг цаг давхих хэрэгтэй ажээ. Тэр аль болох хурдан тийшээ очих ёстой. Алуурчин ч гэсэн ээлжит хохирогчоо олохоор тэнд аль хэдийн очсон биз.
Райлид эхлээд хангалттай мэдээлэл хэрэгтэй байлаа. Үүнийг олж авахын тулд тэр утасдахаас зайлсxийж байсан дугаарт хэрэгтэй. Райли залууг мэл гайхуулан түлхүүрээ булаах шахам шүүрч аваад машиндаа сууж хаазаа тултал гишгэн зам дээр дугуйгаа чахруулсаар ухасxийн хөдлөв. Гарах хаалгаар гарсан хойноо Райли Биллийн утасны дугаарыг оруулах үедээ тэр утсаа авах болов уу гэж өөрөөсөө асуув. Тэр хэрвээ утсаа авахгүй байлаа гэхэд уурлах эрх өөрт нь байсангүй.
Ашгүй Биллийн дуу гарахыг тэр сонслоо.
- Байна уу?
Райлигийн зүрх зогсчих шиг болов. Биллийн дууг сонссон тэрбээр айх шиг болсон ч бас санаа нь амарлаа.
- Билл, Райли байна.
- Хэн гэдгийг чинь мэдэж байна гэж Билл хариулав.
Тэд үг хэлсэнгүй хэсэг чимээгүй боллоо. Яриа амаргүй байх бололтой. Райли ийм юм болно гэдгийг мэдэж байсан.
- Билл, би юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байна. Райли яриагаа үргэлжлүүлэхэд хэцүү болж, дуу нь бараг гарахаа болив.
- Намайг үнэхээр уучлаарай. Энэ зүгээр нэг... үнэндээ бүх юм маш муу байлаа. Би ухаанаа алдчихсан байжээ, бас...
- Бас чи согтуу байсан гэж Билл яриаг нь тасалж хэлэхэд Райли хүндээр санаа алдлаа.
- Тийм ээ, би согтуу байсан. Би уучлалт гуйж байна. Hамайг уучлана гэдэгт би чамд найдаж байна. Намайг уучлаач дээ.
Билл хэсэг дуугүй байснаа
- За тэгье гэж эцэст нь хэлэв.
Райлигийн зүрх шимширч байлаа. Тэр Биллийг бусдаас илүү сайн мэднэ. Түүнээс сонссон энэ хоёрхон үг ямар утгатай болохыг тэр ойлгосон. Билл түүнийг уучлаагүй, бас яг одоохондоо уучлалыг нь хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ Билл уулчлал гуйсныг нь хүлээж авсан. Ямартай ч Райли одоо дараагийн ажилдаа орж чадахаар болжээ.
- Билл, надад сэжүүр олдсон гэж түүнийг хэлэхэд
- Юу гэнэ ээ? хэмээн Билл дуу алдан асуулаа.
- Би нөгөө дэлгүүрийг олсон.
Одоо Биллийн санаа зовж эхэлжээ.
- Райли, чи галзуураагүй биз? Чи чинь юугаа хийгээд байгаа юм бэ? Хэргийг мөрдсөн хэвээрээ байгаа юм уу? Бурхан минь, Валдер чамайг халчихсан шүү дээ.
- Би хэн нэгнээс зөвшөөрөл асуух хэрэгтэй гэж үү? Юу ч болсон бай, би ажилдаа буцаж орох юм шиг байна.
Билл сонссондоо итгэж чадахгүй шогширсоноо
- Хэн тэгж хэлсэн юм бэ? гэлээ.
- Ньюброу.
- Ингэхэд чи юугаа яриад байна аа? гэж хэлэхэд үедээ Билл үнэхээр бухимдсан байлаа.
- Христ минь, Райли чи арай түүний гэрт дахиад очсон юм биш биз дээ, арай үгүй байлгүй дээ?
Райлигийн толгой олон янзын бодлууд ийш тийшээ үсчиж байлаа.Түүнд тайлбарлаж хэлэх олон юм бий. Гэхдээ энгийн тайлбараас эхэлсэн нь дээр.
- Үгүй, энэ удаа тэр урьдынхаасаа шал өөр байсан. Би үүнийг одоохондоо тайлбарлаж чадахгүй. Гэхдээ Ньюброу надад шинэ мэдээлэл өгсөн. Билл, Реба Фрайэ Шеллисфордод байдаг дэлгүүрээс хүүхэлдэй худалдаж авсан байна. Надад батлах баримт, бас дэлгүүрийн нэр ч байгаа.
- Шал утгагүй юм. Манай ажилтнууд бүх талбайг самнаж үзсэн. Тэд бүх хотоор орсон. Шеллисфордод хэн ч хүүхэлдэйний дэлгүүр олоогүй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Sep.08.17 3:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Яаая Билл, Райли 2ын хооронд юм болох вий дээ. Би нууц амрагийн харилцааг дэмждэггүй ч зөв хүнтэйгээ учрахаасаа өмнө буруу хүнтэй суусан хүмүүс олон бх юм даа. Райли бусдыгаа хүлээнэ л гэж найдъя ингэж явж бгаад алуурчинд баригдчих вий дээ.

Ккк гэнэт өдрийн тэмдэглэл хөтөлж бвал хэрэгтэй ч юм шиг санагдав. Би дээр үед бичиж үзэж бсан өдөрт болсон зүйлсээс илүү миний баахан дэмий бодлоор дүүрэн дэвтэр болсон доо.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.08.17 6:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Райлид хөөрч догдолсноо нуух хэцүү байлаа.
- Яагаад гэвэл тэнд тийм дэлгүүр нэг ч байхгүй. Энэ бол Маделины Загвар гэдэг нэртэй хувцасны дэлгүүр, харин хүүхэлдэйг уулзалтын цаг товлож худалдаж авдаг. Чи ЗША-н дээр байна уу?
- Тийм ээ, гэхдээ...
- Дэлгүүрийн талаар мэдээлэл цуглуул. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн талаар судалж үз. Одоо би тийшээ явлаа.
Билл сандарч буй нь илт дуу нь өндөрсжээ.
- Райли, битгий ингэ! Чамд таних тэмдэг байхгүй болохоор үүнийг хийх хэрэггүй. Тэр нөхрийг оллоо гэхэд чи яах болж байна? Тэр маш аюултай. Гар бууг чинь Валдер хураагаад авчихсан.
- Надад буу байгаа.
- Тэглээ ч гэсэн чи хэнийг ч баривчилж чадахгүй.
Райли аль хэдийн шийдвэрээ гаргажээ.
- Би хийх хэрэгтэй гэж бодсон юмаа хийж л таарна. Дахиад нэг хүний амь нас аюулд орж болзошгүй.
- Энэ надад таалагдахгүй байна гэж хэлэх үед Биллийн дуу албаны шинжтэй сонсогдов.
Райли утсаа таслаад хаазаа нэмлээ.

* * *
Билл ажлынхаа өрөөнд гар утас руугаа гөлөрсөн хэвээрээ сууна. Гар нь салганан чичрэхийг анзаарсан тэрбээр уур нь хүрснээс болсон уу, эсвэл горьдлого нь тасарснаас болсон уу гэдгийг ялгаж чадсангүй. Эсвэл Райлиг ухаангүй алхам хийчих вий гэж айсан юм болов уу?
Уржигдар шөнө Райлиг утсаар согтуу ярих үед тэр их самгардсан. Цагдаагийнхан гэр бүлийнхээ хүнээс илүү хамтрагчтайгаа дотносох явдал олонтаа байдаг. Билл ч гэсэн аль хэдийнээс Райлид өөртэй нь таарч байсан хэнээс илүү татагддаг болжээ. Гэвч ажлын үеэр романтик зүйл тохиолдох боломж барагтай бол гардаггүй. Тэгээд ч иймэрхүү төвөгтэй асуудал үхэлд хүргэж ч мэднэ. Тэр одоог хүртэл хоёр биенийхээ харилцаанд мэргэжлийн үүднээс хандсаар ирсэн бөгөөд Райлиг ч гэсэн адилхан бодолтой байгаа гэж итгэдэг байжээ. Гэтэл Райли энэ итгэлийг нь эвдчихсэн ажээ.
Тэр үед Райли ухаангүй шахам байснаасаа болж алдаа гаргасан. Гэхдээ тэр ажилдаа эргэж орно гэж хэлсэн нь ямар учиртай юм бол? Тэд дахиад хамтдаа ажиллана гэж үү? Тэр Райлитай хамтарч ажиллахыг хүсэж байгаа эсэхээ сайн мэдэхгүй байлаа. Мэргэжлийн түвшинд хадгалдаг байсан тэдний дундын харилцаа бүр мөсөн үгүй болчихсон юм биш байгаа?
Гэхдээ одоо тэр энэ талаар санаа зовж суух цаг биш. Райли дэлгүүрийн ажилчдыг судлаж өгөхийг хүссэн учраас Билл хүсэлтийг цааш нь дамжууллаа. Харин Валдерт энэ тухай мэдэгдсэнгүй. Билл харилцуур авч тусгай ажилтан Брент Мередитийн утсанд залгалаа. Мередит энэ хэргийг хариуцаж ажиллаагүй байгаа ч зарим нэг жижиг асуудал дээр түүнд найдаж болно гэдгийг тэр мэдэж байв.
Билл утасны яриагаа товч тодорхой байлгахыг хүсжээ. Дараа нь тэр Райлиг тэнэг алхам хийхээс өмнө Шеллисфорд руу хурдан очих хэрэгтэй байлаа.
Өөрийгөө алуулчихаас нь өмнө.

_________________
Sakura


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 17 8 9 10 1119 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited