#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.18 3:59 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next
Author Message
PostPosted: Apr.18.18 3:39 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
41 бүлэгтэй юм байна, одоо ер нь дөхөж л яваа юм байна. Бөөнд бөөнд, хэхэ

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.18.18 10:54 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Хүлээгээл байгаа шүү гэж


Top
   
PostPosted: Apr.19.18 7:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
Өмнөх орчуулагч шиг хурдан оруулж чадахгүй байгаад уучлаарай, би чадлаараа л явуулаад байдаг ухаантай уул нь хэхэ

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.19.18 10:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Баярлалаа. Уншаад л байгаа шүү :wink:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.20.18 11:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
яасан далдардаггүй петерсон бээ, оршуулаад цементэлчихгүй....уншиж байгаа шүү, баярлалаа


Top
   
PostPosted: Apr.22.18 2:40 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ХОРИН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Маргааш орой нь Райли хоёр биендээ оройн хоол хийхээр гал тогоондоо зогсож байтал урд хаалга онгойх нь сонсогдож араас нь танил дотно, испани аялгатай хоолой

- Тэр хаана байна? Миний хонгорхон muchacha хаана байна? гэх нь дуулдлаа.
- Габриелла! хэмээн Эприлийн баяртайгаар хашгирах хоолой ч хариуд нь сонсогдоно.

Райли зочдын өрөө рүү хурдлан орвол Эприл Габриелла хоёр баяртайгаар тэврэлдэн зогсох агаад саяхан ирсэн хүний тээш нь хаалганы хажууд шалан дээр хөсөр хэвтэх аж.

- Габриелла! Би таныг маргаашнаас нааш ирэхгүй гэж бодож байлаа хэмээн Райли дуу алдаж
- Ийм их зүйл болчихоод байхад намайг та хоёроос хол байна гэж чи бодоогүй биз дээ? хэмээн Габриелла баяртайгаар хариулав.

Райли өчигдөр Теннесий мужид байдаг гэрийнхэн дээрээ зочилсоор яваа Габриелла руу залган Эприлд юу тохиолдоод байгааг дуулгажээ. Габриелла бол яахын аргагүй тэр хоёрын гэр бүлийн хүн мөн учир Райли түүнд энэ бүгдийг хэлэлгүй үлдээнэ гэж төсөөлсөн ч үгүй. Иймээс мэдээж Габриеллаг ингэж яаран сандран буцаж ирэхэд нь тэр гайхах учиргүй билээ.

- Габриелла, ачаагаа задлаад амраад ав, би оройн хоол хийж байна гэж Райли хэлээд гал тогоо руу буцан орлоо.

Тэр Габриеллагийн хоолонд үнэхээр дуртай ч гэлээ заримдаа өөрөө хоол хийхийг хүсдэг бөгөөд дээр нь дөнгөж ирсэн Габриелла жоохон ч гэсэн амраад авахад илүүдэх юмгүй.

Өнөөдөр үнэхээр урт, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өдөр болж өнгөрчээ. Райли энэ өглөө Эприлийг Лесли Слоат эмч рүү авч явсан бөгөөд эхлээд тэр ганцаараа эмчтэй ярилцсж түүний Эприлийг хэрхэн эмчлэх төлөвлөгөөг сонссон юм. Райлид энэ намхан, тагдгар, эелдэг дотно эмэгтэй шууд таалагдсан агаад түүний Эприлийн одоо туулж буй сэтгэлийн хямралыг даван гарахад нь туслахаар шулуудсан байдалд нь асар их талархжээ. Райли охиноо юу мэдэрч, зовж байгааг бодохоос нуруугаар нь хүйт дааж байлаа.

Слоат эмч үүний дараа Эприлтэй ганцаарчлан бүтэн цаг уулзсан агаад энэ уулзалтын дараа Эприл хавьгүй дээрдсэн төдийгүй гэр рүүгээ буцах замдаа

- Таны найз Невинс эмч үнэхээр бидэнд юу хэрэгтэйг мэддэг юм байна. Слоат эмч надад тусалж чадах байх, ярилцахад ч сонирхолтой хүн байна. Тэр миний өөрөө бол учраа олж чадахааргүй байсан зүйлсийг өөр өнцгөөс харуулж чадаж байна шүү гэжээ.

Харин одоо гал тогоонд ногоо цэвэрлэж зогсонгоо Райли Габриеллаг ирсэнд ч мөн баярлаж байв. Энэ эмэгтэй тэдний амьдралд халуун дулаан, тайтгаруулам, энэрэнгүй сэтгэл авчирдаг учир Райли түүнийг байгаагүй бол сүүлийн үед амьдралд нь тохиолдоод байгаа энэ олон асуудлыг яах байснаа мэдсэнгүй. Энэ үед Эприл гал тогоонд орж ирээд ээждээ тусалж эхлэв.

- Ээж ээ, энэ юу гэсэн үг болохыг та мэдэж байгаа биз дээ? Габриеллагийн эргэж ирсэн явдал?
- Харин л дээ
- Энэ чинь та Финикс руу буцаж ажлаа хийж болно гэсэн үг шүү дээ

Райли үүнийг сонсоод цочих шиг болсноо

- Гэхдээ би өчигдөрхөн ирсэн шүү дээ гэв.

Шанцай хөшиглөж зогссон Эприл тэрүүхэндээ инээд алдсанаа

- Ээж ээ, би таныг энд ирсэн баярлахгүй байгаа юм биш. Гэхдээ та муу залуусыг барих ажилтай байгаа. Би бол удахгүй зүгээр болчихно, Слоат эмчийн ажил руу автобусаар ч явж чадна. Тэгээд ч хэрвээ би сандарч эхэлбэл надад түүний дугаар байгаа, түүн рүү хэзээ ч залгаж болно гэсэн. Бас Габриэлла ч энд ирчихсэн болохоор... гэж байтал Габриелла гал тогооны хаалгаар орж ирснээ
- Таны hija-ийн зөв шүү. Эприл бид хоёр эндэхийг зохицуулаад байж дөнгөнө гэлээ.

Райли юунд ч юм тун их цочирдлоо. Харваас Эприл Габриелла хоёул зүгээр, түүнд Финикс рүү буцахгүй байх ямар ч шалтгаан байхгүй боловч тэр яагаад ч юм шийдвэр гаргаж чадахгүй байв.

"Би яачихаад байгаа юм бол доо?" хэмээн тэр гайхсан ч Майк Невинсийн хэлснийг саналаа.

"Чи үргэлж л боломжгүй зүйлийг болгох ямар нэгэн арга байх ёстой гэж толгойгоо гашилгаж байна. Чухам яагаад тэгж бодож байгаагаа чи мэдэх үү?"

Үүнийг санамагцаа Райли хариултыг нь, үгүй ядаж хариулахын тулд юу хийх ёстойгоо ойлгон хажууд байх сандал дээрээ суун тусаж эхэр татан уйлж гарлаа.

Эприл Габриелла хоёр түүн рүү дөхөн тайвшруулахыг оролдов.

- Ээж, юу болоо вэ? гэж Эприл асуухад
- Би хаашаа явахаа мэдлээ, хэнтэй уулзах ёстойгоо ч ойлголоо хэмээн Райли нулимстайгаа хутгалдан хэллээ.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.22.18 2:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧДУГААР БҮЛЭГ

Маргааш нь Райлиг Аппалачийн уулс руу хөдлөх үест бороо тасралтгүй цутган орж, шороон зам шавартайгаа хутгалдан, машин арайхийн урагш хөдөлж байлаа. Энэ таагүй цаг агаар түүний сэтгэлийн толь гэлтэй, түүний аавтайгаа уулздаг ховорхон уулзалтууд хэзээ ч таатай байгаагүй билээ.

Гэвч тэр сэтгэлийнхээ гүнд түүнтэй заавал уулзах ёстой гэдгээ мэдэж байсан агаад энэ аялал зөвхөн уулархаг газраар ганцаараа давхихаас илүү өөрийнхөө сэтгэлийн гүн рүү өнгийж, эргэлзээгээ тайлахаар явж буй аялал байв. Үүнийг эс хийх аваас тэр хэзээ ч энэ их эргэлзээ, төөрөгдлөөсөө гарч чадахааргүй байлаа.

Мэдээж Аризонагийн халуун хуурай уур амьсгалтай харьцуулахад энэ бороо үнэхээр сэтгэл сэргээм, эргэн тойрны ой ногооноороо хэвээр, хүйтэрч эхэлсэн ч навчис унах арай болоогүй байв.

Түүнийг эцгийнхээ жижигхэн байшинд ирэх үед ч бороо зогсох янзгүй аж. Эцэг нь Тэнгисийн цэргээс халагдсаныхаа дараахан энэ байшинг эргэн тойрны хэдэн акр газартай хамт авсан бөгөөд товчхондоо энд хэн ч уригдаагүй, хэн ч ирэх ёсгүй гэнэ. Түүнд бүр гадаад ертөнцтэй харилцах утас, компьютер ч байхгүй учир тэр хааяадаа ойрхон байх жижиг хот руу явах үедээ сонин худалдаж авдаг юм.

Райли машинаас буумагцаа шүхрээ дэлгээд байшин руу хурдлан гүйлээ. Үүдэнд нь очмогцоо тэр хэн нэгэн хаалга онгойлгох ч юм уу угтахыг хүлээсэндээ бус, зүгээр л ирснээ мэдэгдэх гэж хаалга тогшив. Мэдээж аав нь үүдэнд ирээгүй боловч дотор хаа нэгтээгээс ханиалгах нь дуулдахад Райли дотогш орлоо. Байшингийн цорын ганц өрөө болох зочны өрөө хуурай, дулаахан, мод шажигнан шатах зуухнаас халуу дүүгэж, бууралтаж бөгтийсөн аав нь мухар сандал дээр суугаад саяхан агнасан бололтой хэрэм өвчиж байв. Хажууд нь хэрэмний араг яснууд овоолгоостой харагдана.

- Сайн уу аав аа?

Аав нь түүн рүү хяламхийж ч харсангүй, Райли ч түүнээс ямар нэгэн юм хүлээсэнгүй. Тэр хэрэмий арьсыг нэг огтлоод тэр чигээр нь хуулж авлаа. Райли бяцхан охин байхаасаа эхлээд аавтайгаа хамт ан хийсэн бөгөөд түүний яаж ингэж хийдгийг байнга биширдэг байжээ. Тэр арьс өвчихдөө яг л хэн нэгэн хатагтайг оройн хоолонд урьж, гадуур хувцсыг нь эелдгээр тайлж авч буйтай адил өөгүй цэвэрхэн, эвтэйхэн хийдэг байлаа.

Эцэг нь хормын турш чангаар бөгшүүлэн ханиалгахад Райли түүний ханиалга нэг л биш байгааг анзаарав. Түүний мэдэхээр эцэг нь хамрын ханиад ч тусч байгаагүй нэгэн билээ. Эцэст нь аав нь ханиалгаж дуусаад

- Чи ч хурдан ирж байх шив дээ? гэлээ.

Райли түүний санааг ойлголоо. Тэр сүүлд аавтайгаа хоёр сарын өмнө, долоон сард уулзахаар ирж байсан бол тэрнээс өмнө бүтэн хоёр жилийн турш холбоо барих гэж ч оролдоогүй билээ. Мэдээж эцэг нь өөрөө түүнтэй холбоо барих гэж оролдсон удаа бол нэг ч байхгүй.

Райли сүлжмэл модон сандал дээр байж болох хамгийн эвтэйхнээрээ суух үест эцэг нь дахин ханиалгаж, ажваас тэр өмнөхөөсөө илүү цонхийсон, магадгүй сүүлд уулзсан үеийнхээс илүү турсан байлаа. Үс нь тэнгисийн цэрэгт байх үеийнхээ богино засалтаас арай ч урт ургасан байх гэмээр.

- Аав аа, та өвдөө юу? гэхэд тэр дүнсгэрдүү хөхрөөд
- Яасан, чамд таалагдаж байна уу? Намайг өвдсөн, арчаагаа алдсан, юу юугүй хадан гэртээ харихаар болсныг харах л чамд сайхан байна биз. Азгүй байна даа хүүхээ, энэ удаа ч үгүй шүү гэлээ.

Райли шүдээ зуун, эрүүгээ чангалж байгаагаа мэдэрмэгц энэ удаагийн уулзалт өмнөхөөсөө ч илүү хурдан таагүй тийшээ эргэж байгааг ойлгов.

- Чи тэгээд одоо ямар хэрэг дээр ажиллаж байгаа юм?
- Байдаг л нэг хэрэг дээр гэж Райли хариулаад өөрөө ч бас түүнтэй адил хөшүүн хүйтэн, зэвүүцсэн өнгөтэй ярьж байгаагаа анзаарч
- Аризонагийн цуврал алуурчны хэрэг дээр ажиллаж байгаа. Биеэ үнэлэгчдийг хөнөөдөг цуврал алуурчин гэж заслаа.
- Аризона юм биз дээ? гэнгээ эцэг нь хэрэмний хэвлийг ярж гэдэс дотрыг нь гаргаж ирэв.
- Эцэнхий амьтан хэмээн тэр амандаа бувтнана.

Хэрэмний гэдэс дотрын үнэр өрөөгөөр нэг ханхлахад Райлид энэ танил үнэр таагүй санагдсан ч задарч эхэлж буй хүний цогцостой харьцуулашгүй аж.

- Чи тэгээд Аризонагаас дэндүү хол яваа юм биш үү? Энд юугаа хийж яваа юм?

Райли юу ч гэж хариулахаа мэдсэнгүй, хамаг биеэ чангаллаа.

- Хэлээд хэрэггүй, би мэдэж байна. Чи хамаг арчаагаа алдаж, ажлаа хаяад л явж байгаа биз. Бүр энэ ажлыг хийх үү үгүй юу гэж эргэлзэж байгаа байх. Би ч бас Панамд тулалдаж явахдаа ингэж бодож л байлаа. Гэхдээ би хэзээ ч үүргээсээ ухарч, хаяж зугтаж байсан удаагүй. Тэнгисийн цэрэг ингэнэ гэдэг бол ичгүүртэй явдал. Харин танай Товчооныхон чамайг өрөвдсөөр байгаад нялцгай шаар болгож дээ гэж эцэг нь ханиах, инээхийн завсар зандрангуй дуугарахад Райли уур бухимдлаа бариад, чин сэтгэлээсээ ярилцах гэж юу байдгийг ч мэдэхгүй эцэгтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хичээв.

- Би сүүлд энд ирснээс хойш их олон зүйл тохиолдлоо. Эприл миний хамгийн сүүлд хөөцөлдөж байсан алуурчинд баригдаж алуулах шахсан.
- Эприл гэж хэн юм? гэж эцэг нь бувтнахад
- Миний охин, таны зээ охин гэж Райли тодотгов.

Эцэг нь улам ч их ханиаж

- Өө тийм үү. Тэгээд тэр хэр байна даа? Үхтлээ айснаасаа болоод бөмбөгөтөл чичирдэг арчаагүй амьтан болчихсон уу? гэж асуухад Райли одоо хэлэх хариултандаа бяцхан баясаж

- Үгүй, харин ч тэр намайг алуурчныг хөнөөхөд тусалсан гэлээ.

Тэр өвчиж, гэдэс дотрыг нь цэвэрлэсэн ясыг овоолго руу шидээд дахин нэгийг өвчихөөр авангаа

- Сайн охин байна. Чи над дээр түүнийг хааяа аваад ирвэл яасан юм, би түүнтэй танилцмаар байна гэв.

"Амьд яваа цагтаа лав үгүй шүү" гэж Райли бодох зуур эцэг нь үргэлжлүүлэн

- Одоо чи хийсэн үйлдэлдээ гэмшиж, ажлаа буруу аргаар хийж байна гэж бодож яваа юм байна. Оронд нь гэртээ суугаад, хүмүүжилтэй сайн охин өсгөж буй хүмүүжилтэй сайн ээж болохыг хүсээ юм биз дээ? Новш гэж, чи миний юу гэж хэлэхийг мэдэж байгаа гэж ярилаа.
- Аав аа, дэлхий ертөнцөөр дүүрэн мангаснууд явна. Би түүнийг мангасуудын ертөнц рүү өөрөө дагуулаад орчихсон шүү дээ гэхэд эцэг нь инээж эхэлсэн ч сүүлдээ бөгшүүлэн ханиалгав.
- Ямар новшоо яриад яваа юм бэ. Чи өөрийгөө Аризонагийн мангасын эсрэг тэмцэж байна гэж бодоод байна аа даа? Янхнуудыг хөнөөдөг эрийг барих гэж яваа гэж бодож байна уу? Чи мангастай тулалдаагүй, чи мангас гэж юу байдгийг хэзээ ч жинхнээс нь хараагүй. Чиний хөөцөлдөөд байгаа хүн чинь энгийн л нэг хүн. Тэр хүн алаагүй үедээ энгийн нэг сайн хүн, нийгмийн нэг хэсэг, сайн нөхөр, сайн эцэг. Миний яг эсрэг, чиний яг эсрэг хүн.

Райли өөрийнхөө боловсруулсан мэдээлэл дээр үндэслээд түүний хэлж байгаа бүгд худлаа биш гэдгийг мэдэж байлаа. Гэвч энэ юунд ч хариулсангүй.

- Хэрвээ тэр тийм сайн хүн юм бол яагаад эмэгтэйчүүдийг хөнөөгөөд байгаа юм бэ? гэж Райлиг асуухад эцэг нь хэрэмний гэдсийг ярж байснаа зогсов.

Энэ асуулт түүний сонирхлыг татав бололтой, тэр Райлигийн нүд рүү эгцлэн ширтээд

- Чи яагаад эрчүүдийг хөнөөдөг юм тэгвэл? гэж асуулаа.

Райлид яг л хөлдүү нуурын мөс рүү нүүрээрээ унах шиг санагдав. Энэ бол үнэхээр зөв, амин чухал, яг үнэндээ хариултыг нь олох гэж энэ хүртэл ирсэн гол асуулт ажээ.

- Чи бол анчин. Хүмүүсийн энгийн амьдрал гэж нэрлэдэг зүйлээр амьдрах гэж оролдвол чи өөрөө л сүйрнэ. Үнэндээ тэр энгийн гээч зүйл л бүгдийг балладаг юм. Энэ энгийн гэдэг зүйл чинь байгалийн хуулийн эсрэг, хүний өөрийнх нь хүн төрхийн эсрэг эд. Хүмүүс энэ энгийн зүйлээс болж галзууртлаа уйдаж, уйдсандаа ямар ч шалтгаангүй нэгнийгээ алж эхэлдэг. Чи бид хоёрт бол аллага хийх өөрсдийн гэсэн шалтгаан бий. Иймдээ ч чи бид хоёр өөрсдийгөө хэн гэдгийг мэддэг, өөрсдийнхөөрөө амьдраад байна. Чиний хөөцөлдөөд барьж авдаг алуурчид бол өөрсдийгөө хэн гэдгийг ч мэддэггүй, юу хийхээ ч мэддэггүй, хяналтаа алдчихсан төөрөлдсөн адгууснууд гэж эцэг нь түүний нүд рүү ширтсэн хэвээр ярив. Тэгээд мөн л нүд рүү нь ширтсэн хэвээр

- Солиот ертөнцөд солиотнууд л эрүүл ухаантай байдаг гэж хэн ч билээ хэлснийг саначихлаа. Чи бид хоёр хоёул үүнийг үнэн гэдгийг мэдэж байгаа. Чи бид хоёр хол эрүүл ухаантай байх ямар ч шалтгаангүй болчихсон хүмүүсээр дүүрсэн солиот ертөнц дэх солиотнууд. Бид л яг үнэндээ энэ хорвоо дээр юу болоод байгааг гадарлаж чадах хүмүүс гэж ярингаа харцаа доошлуулж шал ширтэн, бараг шивнэх шахам

- Чи одоо буцаад, хамгийн эхний онгоцонд сууж ажилдаа буцаж орно гэдгийг би мэдэж байна. Чамд сонголт байхгүй. Би хэзээ ч чамд сонголт өгч байгаагүй. Би чамайг анчин болгож өсгөсөн нь ч зөв. Эгчийг чинь ч бас зөв өсгөсөн болоосой гэж санах юм, даанч үүнийг засахад дэндүү оройтож гэлээ.

Райли цахилгаанд цохиулсан мэт болов. Эцэг нь хамгийн сүүлд хэзээ Вендиг дурсаж байсныг тэр санахгүй байлаа. Гэвч тэр өөрөө сүүлийн үед Вендиг ихээхэн санагалздаг болсон тул эцэг нь ингэж дурссан явдал бараг л далдын мэт аймшигтай санагдав.

- Магадгүй би түүнийг зөв хүмүүжүүлээгүй байх гэж эцэг нь хэлэхэд Райли
- Та түүнийг зоддог байсан гэлээ.

Эцэг нь амандаа бувтнаснаа аажуухан толгой дохиод

- Тийм ээ, би наадахыг чинь хэлээд байгаа юм. Би түүний биеийг л зоддог байсан, махан биеийг нь л өчүүхэн хөх няц болгодог байлаа. Хангалттай сайн гөвшөөгүй нь л буруудаж. Харин чамайг өсөх үед би арай илүүг ойлгодог болж, чамайг гараараа зодох биш ухааныг чинь давтдаг болсон. Хариуг нь чи сайн хүртэж, сурах ёстойгоо сурсан гээд тэр маш удаан ханиалгахад Райли түүнийг маш хүнд өвдсөн болохыг ойлголоо. Гэвч түүнтэй яг одоо энэ талаар ярих талаар санаад ч хэрэггүй. Эцэст нь ханиалга намдахад тэр

- Би чамд хэрэмний мах жигнэж өгч болно л доо. Гэхдээ чи над шиг зэвүүн хөгшин новшийн хажууд байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Чи одоо эндээс зайлж болно гэлээ.

Тэр яг зөв хэлсэн боловч Райли үүнийгээ хэлсэнгүй, оронд нь

- Аав аа, би таныг үзэн яддаггүй гэв.
- Чи худлаа ярьж байна, эсвэл чи ингэж боддог тэнэг юм байна гэхэд Райлигийн дургүй хүрч
- Наадах чинь яг юу гэсэн үг юм? гэв.
- Би хэлэх гэснээ хэлсэн гэсэн үг. Хэрэв чи намайг үзэн яддаггүй юм бол би ажлаа буруу хийсэн гэсэн үг.

Эцэг нь дахин ханиалгаж эхлэх нь үнэхээр хүнд өвчний шинж бололтой. Райли түүнийг өрөвдөхийг хүссэн боловч өөрийгөө ингэхийг зөвшөөрсөнгүй. Эцэг нь түүнийг жинхнээсээ солиоруулж чаддаг нэгэн билээ. Иймд Райли хоржоонтойгоор

- Ямартай ч таны хийсэн "ажлын" хувьд бол би танд талархмаар байна. Би танаас маш их зүйл сурсан. Би эцэг эх байхад юу хийж болохгүй байх талаар бүгдийг сурсан гэв.
- Тэнэг амьтан. Чи өөрийнхөө охинд чамайг яаж хайрлахыг зааж өсгөж байгаа биз. Тэгэх тусам тэр сул дорой нэгэн болно, тэгээд чи хийсэндээ харамсаж амьдарна.
- Харамсах талаар та юугаа мэддэг юм? гэж Райлиг зандрахад
- Бараг мэдэхгүй, үүндээ ч би бахархдаг. Чи миний хийсэнд талархсан нь дээр шүү, жижигхэн гонгинуур жингэр минь гэж эцэг нь харааалаа.

Гэвч Райлигийн энэ мэт доромжлолыг сонсож суудаг цаг өнгөрчээ. Тэр бүх насаараа ийм үг сонсож өссөн ч хэзээ ч хариу эсэргүүцэж байсангүй, оронд нь зугтсан юм. Одоо харин зугтах цаг биш. Иймд тэр босоод эцэгтэйгээ аюулын ойрхон зайд нүүр тулав.

- Аав аа, танайд толь бий юу? Үгүй л байх даа, яагаад гэвэл та харсан зүйлдээ ой гутах болохоор
- Тэр нь юу байна гэж?
- Хулчгар амьтан. Хэн нэгнийг хайрлахаас ч айдаг, өвчтэй, аймхай, өөртэйгөө адилхан эрчүүдтэй тулахын оронд жижигхэн хүүхдүүдийг дээрэлхдэг хөгийн новш байх болохоор.

Эцгийнх нь нүд уурласандаа улаанаар эргэлдэж, сул гараараа түүний нүүрийг цохихоор далайсан ч Райли бугуйгаараа шалмаг гэгч нь цохилтыг зайлуулаад

- Алив, намайг цохих гээд үз л дээ. Та чадахгүй. Аав аа, би одоо танаас хүчтэй болсон. Та хэзээ ч надад гар хүрч чадахгүй гэж ялсан шинжтэй хэллээ.

Эцэг нь галзууртлаа уурлан хойшоо ухраад, түүний нүүрийг цохихоор дайрахад Райли түүнийг бугуйнаас барьж, зангидсан гарыг нь өөрийнхөө бахь шиг хатуу гараар тас атгаж аваад түүн рүү алхам ойртон

- Намайг цохих гэж дахиад нэг л оролдвол би таныг зогсож байгаа газар чинь үхтэл чинь зодох болно шүү, бурхнаар андгайлъя гэж зандрав.

Гэтэл эцэг нь хорлонтойгоон инээвхийлэхэд л Райлигийн нуруугаар хүйт дааж, ийм юм хийж байгаадаа баярлаж байгааг нь харлаа. Райлигийн үзэн ядалт л эцгийнх нь амьд явах хүч болж, үүгээр амь зогоосоор өдийг хүрч байгаа энэ юм байж.

Гэвч Райли түүн шиг болж дуусахыг, үзэн ядалт нь түүнийг хэрхэн сүйрүүлэхийг хүсэхгүй байлаа. Ингээд тэр атгалтаа сулруулан, нударгыг нь цохин холдуулаад эцгийнхээ нүд рүү хялайн ширтэж

- Аав аа, би таныг үзэн яддаггүй. Би таныг яаж ч оролдсон бай таныг үзэн ядахаас татгалзаж байна гэж дахин хэллээ.

Одоо эцэг нь гутарсан шинжтэй харагдах агаад түүнийг өмнө нь ингэж хэлэхэд ийм байгаагүй билээ. Энэ удаад юу өөрчлөгдсөн юм бол?

"Тэр миний хэлсэнд итгэж байгаа юм байна" гэж Райли ойлгов.

Энэ бол Райлигийн эцэгтээ хэлж чадах хамгийн өр өвтгөм үг байжээ. Райли түүний энэ хорвоо дээрх хамгийн чухал гэж боддог зүйлийг хэрэгсэхгүй хаясан байж.

Тэр түүнийг ардаа үлдээн хаалга онгойлгох мөчид эцэг нь дахин нэг юм хашгирлаа.

- Үр хүүхдүүд нь үзэн яддаггүй хүн бол хүн биш шүү

Эцгийнх нь амнаас хүртэл ийм увайгүй үг гарна гэдэг байж боломгүй зүйл ч Райли хариу хэлсэнгүй, босго даван хаалгыг тасхийтэл хаав. Тэр шүхэр дор нуугдахыг хүссэнгүй, довжоон дээр бороонд нэвт норон зогслоо. Түүний айлчлалт яг л бодож байсан шиг нь гашуун байсан ч гол зорилгоо биелүүлж чаджээ. Тэр Майк Невинсийн хэлснийг дахин саналаа.

"Чи сэтгэл санаагаа үүнд бэлтгэж, тодорхой нэг шатыг даван туулахгүй л бол угаасаа энэ хямралаасаа гарч чадахгүй"

Эцэг нь түүнийг тэр шатыг давахад тусалж, харин бороонд зогсонгоо Райли өөрийгөө энэ бүхнээс цэвэрлэж байгаа нь энэ.

Эцэг нь хүнд өвдсөн гэдэгт ямар ч эргэлзээгүй байсан ч тэр өөрөө тусламж гуйхгүй бол, ядаж өвдсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй бол хэн ч, Райли ч тэр юу ч хийж чадахгүй билээ. Райлид бүр түүнтэй дахиж уулзах ч хэрэг байхгүй, тэр өөрөө ч ингэхийг хүсэхгүй байв.

Одоо л тэр өөрөө өөрийгөө дахин олсон мэт болж, энэ хэрэг дээр ажиллаж эхэлснээсээ хойш анх удаа алуурчны байр байдлыг мэдэрч чадлаа. Мэдээж тэр хүн түүнтэй юугаараа ч төсгүй нэгэн байж.

"Алуурчин маш амжилттай амьдардаг юм байна" гэж тэр гэнэт ухаарав.

Райлитай адилгүй нь, алуурчин хүссэн бүхнээ, хийх ёстой болгоноо хийж, үүндээ хэзээ ч харамсах, эргэлзэх тохиолдол гарч байгаагүй байж. Түүний бодлоор янхнуудыг нь хөнөөнө гэдэг ердөө л уур бухимдлаа гаргах нэг арга, гольф тоглохтой л адил зугаа ажээ. Үүнд буруу зүйл юу ч үгүй агаад тэр бусадтай адил цуврал алуурчин огтхон ч биш байлаа.

Одоо л бүх зүйл хоорондоо холбогдож эхлэхэд Райли өөрийгөө анчин, харин тэр хүн ердөө л нэг алуурчин гэдгийг ойлгов. Райли өөрийнхөө юу хийж байгаагаа маш сайн мэдэж байхад тэр хүн өөрийгөө агнагдах гэж буй олз гэдгээ ухаараагүй л яваа. Харин Райли түүнийг барьж аваад үгүй хийх болно.

Райли машиндаа суун бороонд нэвт норсон газраас давхиж явахдаа Майк Невинсийн хэлсэн өөр нэг зүйлийг мөн саналаа.

"Хэзээ ч яг зөв гэсэн бэлэн заавар байдаггүй"

Тэр үүнийг ойлгосондоо баярлан инээмсэглэв.

_________________
PEPPA PIG


Last edited by Tseko on Apr.25.18 8:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.22.18 4:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Merci сонирхолтой болж байна шүү


Top
   
PostPosted: Apr.22.18 4:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Merci сонирхолтой болж байна шүү


Top
   
PostPosted: Apr.22.18 11:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Tseko wrote:
- Аризона юм биз дээ? гэнгээ эцэг нь хэрэмний гэдсийг ярж цувдайг нь гаргаж ирэв.

Цэко минь цувдай гэдэг чинь "бог малын гэдэс дотор" гэж байна шүү :razz:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.18 9:37 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Хамт яваа эр нь дэн буудлын хаалга онгойлгож өгөхөд Сокорро яагаад энэ эрийн байгаа байдалд түгшээд байгаагаа багахан гайхав. Т.Р. уг нь дээд зэрэглэлийн, тунчиг дэгжин эр юмсанж.

"Тийм болохоор л гайхмаар эвгүй байгаа байх" гэж тэр өрөө рүү оронгоо бодлоо. Яахаараа дээд зэрэглэлийн эр гудамжны биеэ үнэлэгчийг сонирхдог билээ? Ийм эрчүүд уул нь бараа бологч юм уу дуудлагын охидыг л сонирхдог биш билүү?

Эхлээд энэ эр түүнийг сонгоход Сокорро түүнийг зарим үйлчлүүлэгчдийн адил машин дотроо тэр даруй үйлчилгээ авах гэж байна гэж боджээ. Гэтэл энэ эр түүнийг машиндаа суулгангаа тайван, чимээгүй газар байхыг хүсч байгаагаа хэлээд Финиксээс гарч давхисаар нэгэн жижигхэн хотын захад байх энэ дэн буудалд ирж хамгийн ард байх өрөө авч. Сокоррогийн анзаарснаар энэ байшингаас хойшоо тэр чигээрээ цөл байлаа.

Түүнд энэ бүхэн зарим талаараа таалагдсангүй. Ядаж л тэр хотод ажилласныхаа дараах шиг автобусаар харьж чадахгүй болохоор түүнийг хүргэж өгөхийг хүлээх хэрэг гарах нь. Бас ердийнхөөсөө орой харихаар болсон ч түүний охин Мари хоёр дүүгээ хараад байж чадахаар том болсон нь аз. Мари дүү нартаа оройн хоол хийж өгч дөнгөх ч өнөө шөнөдөө хоол хийх юм бараг байхгүйг Сокорро мэдэж байв. Иймээс тэр замаараа хүүхдүүддээ бургер, шарсан төмс, сүүтэй шэйк авахаар төлөвлөлөө.

Түүний ихэнх үйлчлүүлэгчид түүнийг ээж болсон гэдгийг анзаардаггүй агаад, тэр ч ийм харагдах гэж асар их хөдөлмөрлөсөн аж. Гудамжинд зогсох үедээ тэр үргэлж байдаг л нэг ярдаг, хараал урсгасан, Латин Америкийн chola (тод будалтын нэг загвар .орч) загвартай нэгэн болдог тул түүнийг гэртээ байдгаараа байвал уулздаг эрчүүдийнх нь ганц ч танихгүй юм.

Ямартай энэ дэн буудал тун дажгүй, Т.Р. ч гайхалтай эелдэг загнаж байлаа. Тэр нэг шил шотланд виски барьж ирснийгээ хоёр хундганд хийгээд нэгийг нь түүнд өгч

- Усаар шингэлэх үү? Мөс хийх үү? Эсвэл өөр юмтай холимоор байна уу? гэж асуув.
- Зүгээр зүгээр гэж Сокорро хэлээд инээмсэглэлээ.

Үйлчлүүлэгчид нь түүнийг уух юмаар дайлах нь өдрийн од мэт ховор тул тэр үүнд нь талархаад нэг балгахад үнэтэй виски мэт амтагдав.

- Цамцаа тайлаач хэмээн өнөөх эр хэллээ.

Сокорро тушаалыг нь дуртайяа биелүүлж цамцаа тайлаад ороо налж хэвтэв. Түүнд цамцных дотуур өөр хувцас байгаагүй боловч тэр хагас, бүтэн нүцгэний алинд нь ч ажиллаж чаддаг юм. Тэр үйлчлүүлэгчдийнхээ хүссэн ихэнх хувцастай холбоотой болон холбоогүй үйлдлүүдийг асуудалгүй биелүүлдэг билээ.

- Бусдыг нь тайлах уу?
- Одоохондоо хэрэггүй

Тэгэхээр Сокорро энэ эрийг хэлэх хүртэл нь богино банзал, торон оймс, гадсан өсгийттэйгөө байх нь. Магадгүй энэ эр ингэхийг хүсээ биз. Сокорро энэ үйлчлүүлэгч бусдаас зөөлөн, илүү удаан байгаа учраас л өөрийгөө ингэж тэвдэж байна гэж итгүүлэв. Энэ эр энгийн үйлчлүүлэгчидтэй харьцуулахад юунд ч яарахгүй байгаа нь илт.

Эцэст нь тэр орон дээр түүнтэй зэрэгцэн суугаад биеийг нь илж, хуруунуудаа хөхнийх нь завсраар гүйлгэн, дараа нь хөлнийх нь завсраар оруулж, банзал доогуур нь шургууллаа.

Гэвч юу ч юм хачирхалтай байв. Энэ эр чимээтэй амьсгаадаж байсан боловч Сокоррогийн мэддэг шиг тачаадсан амьсгаадал биш аж.

"Түүнийх босдоггүй юм байна" гэж тэр ойлгосон ч тэр үүнийг яахаа мэддэг нэгэн ажээ. Түүний зарим үйлчлүүлэгчдийнх болж өгдөггүй тохиолдол олон бөгөөд Сокорро тэднийг өөр ямар нэг аргаар баярлуулж сурсан тул, энэ удаа Т.Р.-тай нилээн ажиллах хэрэг гарсан байж болох ч энэ хүн тийм зүйл хүртэх зиндааных бололтой.

Эцсийн эцэст түүнд айгаад байх зүйл байхгүй мэт. Хэн нэгэн солиотой цуврал алуурчин янхнуудыг хөнөөж байгаа гэсэн мэдээ бүгдийг айлгасан бөгөөд түүний мэдэхээр онцгой шинж тэмдэг дуулдаагүй. Иймээс Сокорро үүнийг зүгээр л олигтой мэдээ цацагдахгүй болохоор сурвалжлагчдын дэгдээсэн цуу байх гэж бодсон ч үнэндээ гудамжны амьдрал орвонгоороо эргэсэн байна. Цагдаа нар энгийнээс ихээр эргүүл хийж ажиллаж буй охид, тэдний үйлчлүүлэгчдийн хэн хэнийг нь үргээж орхижээ.

Гэвч түүний хувьд гудамжинд зогсохгүй байх гэдэг дэндүү үнэтэй тусч байв. Түүнд мөнгө асар их хэрэгтэй, яг одоо хэрэгтэй байлаа. Тэр түрээсээ төлөх, хүүхдүүдээ хооллох хэрэгтэй байсан учир гудамжиндаа зогссон агаад өнөөдөр түүний тогтмол үйлчлүүлэгчид харагдаагүй ч азаар тэр Т.Р.тэй таарчээ. Сокорро өмнө нь түүнийг үнэтэй, том машинтайгаа явж байхад нь харсан төдийгүй бүр ярилцахаар очиж байсан ч түүний эргүү зуучлагч хажуунаас нь хошуугаа дүрээд үргээж орхисон билээ.

"Pinche Pablo!" хэмээн тэр бодов.

Юутай ч Т.Р. ямар ч асуудалгүй мэт, лав л хуулийнхнаас зугтаж яваа хүн шиг харагдахгүй байлаа.

Т.Р түүнийг хэдэн хором ямар ч сэтгэл хөдлөлгүй илж таалсныхаа дараа орноос босгоод

- Би чамд бэлэг авчирсан гэхэд Сокорро тун их гайхлаа.

Хэн хэзээ гудамжны биеэ үнэлэгчид бэлэг өгч байсан билээ?

Тэр халааснаасаа жижигхэн хавтгай хайрцаг гаргаж ирээд онгойлгоход Сокорро дуу алдав. Дотор нь гайхалтай гоё, жижигхэн хүзүүний зүүлт байлаа.

- Үүнийг надад гэж үү? хэмээн тэр хашгирахад
- Зөвхөн чамд зориулж, чамайг бодон бодон би өөрөө сонгож авсан юм. Алмаз нь жинхэнэ шүү гэж тэр хэлэв.

Сокорро баярласандаа болиод инээмсэглэхээ зогсож чадахгүй байсан ч түүнийг худлаа хэлж байгаа гэдгийг мэдэж байлаа. Мэдээж тэр өөрийг нь бодон, зөвхөн түүнд зориулж юм аваагүй. Тийм байж яаж болох билээ? Тэр өөртэй нь явах ямар ч янханд энэ хүзүүний зүүлтийг яг ингэж хэлээд өгч чадна шүү дээ. Гэсэн ч Сокорро илүү дутуу юм ярьсангүй, харин

- Би юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна гэлээ.
- Muchisimas gracias (Маш их баярлалаа .орч) гэж хэлэх юм уу? хэмээн тэр хэлээд хариу инээмсэглэхэд Сокорро чангаар инээд алдаад
- Muchisimas gracias, зөндөө их баярлалаа! гэлээ.

Эрэгтэй өрөөг тойруулан харснаа

- Зүүлтээ зүү л дээ, би өөрсдийгөө зугаацуулах хэдэн тоглоом авчирснаа машинд үлдээсэн байна. Аваад буцаад хүрээд ирье гээд хаалгаар гарав.

Сокорро түүнийг гарав уу үгүй юу зүүлтээ зүүгээд толинд харлаа. Зүүлт гэдэг нь ердөө ганц боловч маш гоё чулуун шигтгээтэй нарийхан мөнгөн гинж аж. Тэр бэлхүүсээ хүртэл нүцэглэж, хүзүүндээ гоёмсог зүүлт зүүсэн өөрийгөө нүд гялбам гоё харагдаж байна гэж бодоод санаа алдлаа. Уул нь тэр энэ байтугайг хүртэх эрхтэй нэгэн билээ. Сокорро заримдаа үүнээс арай гайгүй зэрэглэлийн ажил, ядаж л бараа бологчийн ажил хийх юмсан гэж боддог юм. Хэрвээ тийм ажил хийвэл Пабло мэтийн хөгийн новшнуудаас холдож чадна. Эзэн хатагтайтай ажиллах янхны зуучлагчид дээрэлхүүлэхээс л хавьгүй дээр байж таараа.

Энэ зүйл хичнээн гоё байлаа ч тэр энэ мэтийн хямд гоёлоос болж хууртагдахгүй гэж бодлоо. Т.Р-н хувьд тэр хэн ч биш, түүний хувьд ч энэ хүн хэн ч биш тул боломж гармагц энэ хүзүүний зүүлтийг зарж, мөнгөөр нь гэртээ хүнс авч, илүү гарвал ганц долоо хоног гэртээ амарч чадаж ч магадгүй.

“Эсвэл зарахгүй ч байж магад” гэж тэр бодно.

Хэрвээ тэр амьдралаа өөрчлөхийг хүсч л байгаа бол үүнийг хадгалах нь зүйтэй юм шиг. Бараа бологч биш юм аа гэхэд дуудлагын охид ч өөрийн гэсэн үнэт эдлэлтэй байдаг учир тэр энэ бэлгийг амьдралаа өөрчлөх дохио байх гэж найдав.

Гэвч тэр өөрийгөө толинд харж байхдаа ямар нэгэн зүйл нэг л биш санагдаад байгааг анзаарлаа. Ямар нэгэн хүзүүний зүүлт, нүцгэн биетэй холбоотой юу ч юм...

Гэнэт тэр бүгдийг санав. ТВ-р үүнтэй маш адилхан хүзүүний зүүлт... хотын ойролцоо байдаг нуурнаас олдсон эмэгтэйн цогцос дээгүүрээ нүцгэн, бас яг ийм хүзүүний зүүлттэй байсан гэсэн мэдээ гарч байсан. Тэр эмэгтэй алуурчны олон хохирогчдын ердөө нэг нь гэсэн. Энэ бүхнийг санамагцаа Сокорро цочирдон айв. Тэр бусадтай адил үхэж болохгүй, тэр амьдрах ёстой, түүнд хооллох, өсгөх хэрэгтэй хүүхдүүд бий. Түүнийг гэртээ хэзээ ч очихгүй бол хүүхдүүд нь яах болж байна?

Эсвэл тэр буруу бодсон юм болов уу? Магадгүй тэр шал дэмий хий хоосон юмнаас айж байж болох юм. Магадгүй юу ч болохгүй байж мэднэ.

Ингээд Сокорро урд хаалгыг өчүүхэн төдий онгойлгоод түүнийг анзаараагүй байгаасай гэж залбиран шагайвал гадаа харанхуй бөгөөд хаалганы гаднах гэрэл унтраастай, зогсоолын гэрэлтүүлэг хариугүй аж. Гэсэн ч Сокорро түүнийг арав гаран алхмаас холгүй зайд цаашаа харан зогсоод нэг гартаа гогцоолдсон олс барьж, юу ч юм машиныхаа багаажнаас ухаж байх нь машиных нь өөрийнх нь гэрэлд тусч буйг харлаа.

Түүний зүрх цээжээ дэлдэн цохилоход тэр хашгирах эсэхээ бодов. Түүнийг хашгирлаа гэхэд хэн нэгэн сонсох нь тун ч эргэлзээтэй. Эргэн тойронд хүнгүй, зогсоол бараг машингүй, энэ буудлын ихэнх өрөө хоосон гэдэг нь ойлгомжтой аж. Одоо өөр ямар ч арга үлдсэнгүй тул тэр гадсан өсгийтөө тайлж хаяад хаалгыг онгойлгон чадлаараа гүйн гарахад араас нь өнөөх эр хараал урсган хойноос нь хөөх нь сонсогдлоо.

Тэр хаашаа зугтахаа ч мэдэхгүй байсан тул зүгээр л хандсан зүг рүүгээ гүйж байлаа. Удалгүй хөл дор нь машины зогсоолын цардмал зам шороон замаар солигдож, тэгснээ хатуу чулуурхаг зэлүүд газар болон хувирахын сацуу эргэн тойрон түнэр харанхуй нөмрөн авчээ. Хатуу чулуурхаг элс, цөлийн шовх ургамлууд дээгүүр гүйснээсээ болж хөл нь аймшигтай өвдөж, гуя, нүцгэн биеийг нь мод бут шавхуурдан зүссэн ч тэр зогсолтгүй гүйсээр байв.

Удалгүй тэр хэр хол гүйснээ ч мэдэхээ болилоо. Тэр айдас, өвдөлт, цус гоожсон шархнаасаа болж цочирджээ. Тэр дэн буудлын өрөөнөөс зугтан гарснаас хойш хэр удсан бол? Хэдхэн минут уу, эсвэл бүтэн цаг өнгөрчихөв үү?

Түүний зүрх нь дэлбэрч, уушиг нь шатаж буй мэт санагдах үест тэр юунд ч юм тээгэлдэн өвдөг дээрээ унаад, дуу алдан хашгирах чимээ, зүрхнийхээ цохилт хоёроос болж хормын турш дүлийрэх шиг санагдав. Гэвч түүний амьсгаа удаашрахад тэр хаа нэгтээ алсад машин хурдалж буй чимээ сонслоо. Сокорро эргэн тойрноо хараад алсад машины гэрэл нааш цааш сүлжихийг харав.

Tonta! (Тэнэг амьтан... орч)” гэж тэр бодоод айснаасаа болж хурдны зам руу бус цөл рүү эргэн зогсоод ойр тойрноо ажваас дэн буудлын гэрэл тэртээ алсад харагдах боловч тэндээс наашаа хөдөлж буй хэн ч үзэгдэхгүй аж. Тэр эр түүнийг дагаагүй бололтой.

Түүний бүх бие аймшигтай өвдөж, тэр ганц ч алхаж чадахааргүй болжээ. Гадаа хүйт орж, түүний нүцгэн бие айдас, хүйтэн хоёроос болж бөмбөгнөтөл чичирч байсан ч тэр зогсож болохгүйгээ мэдэх тул өвдөлтөөсөө болж доголсоор хурдны замыг чиглэв.

Сокоррог зам дээр гарч ирэхэд нэгэн машин дөхөж ирсэн нь Т.Р-н өнөөх үнэтэй том машин байх ажээ. Машин түүний хажууд зогсмогц, зорчигчийн хаалга нээгдэж, харин жолооны ард Т.Р сууж байв.

- Чи яагаад зугтаа вэ? гэж тэр хашгирангаа түүний цамцыг гартаа даллан харуулж
- Чи үүнийгээ мартчихсан байна. Машинд суугаад цамцаа өмс. Би чамайг гэрт чинь хүргэж өгье гэлээ.

Гэвч тэр яагаад ч түүний машинд суухгүй гэж шийдсэн тул хажуугаар нь чадлаараа гүйн өнгөрч хурдны зам руу гарахад ямар нэг том машины гэрэл түүн рүү туссан нь ачааны тэрэгнийх бололтой.

Сокорро үүнийг ачааны тэрэг байгаасай гэж залбираад гэрэл рүү хамаг чадлаараа даллан гүйж, зугтаж эхэлснээсээ хойш анх удаа аврал эрэн хашгирлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.25.18 9:38 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
croft wrote:
Tseko wrote:
- Аризона юм биз дээ? гэнгээ эцэг нь хэрэмний гэдсийг ярж цувдайг нь гаргаж ирэв.

Цэко минь цувдай гэдэг чинь "бог малын гэдэс дотор" гэж байна шүү :razz:.


Өөр харин юу гэхээ бодоод олсонгүй. Амьтны гэдэс дотрыг юу гэдэг билээ?

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.25.18 12:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Tseko wrote:
Амьтны гэдэс дотрыг юу гэдэг билээ?

"Гэдэс дотор" :mrgreen:. Зүгээр л гэдэс дотор гэнэ.

Яг энэ тохиолдолд бол "хэрэмний хэвлийг ярж гэдэс дотрыг нь гаргаж ирэв" гэхэд болох байхаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.25.18 8:03 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
croft wrote:
Tseko wrote:
Амьтны гэдэс дотрыг юу гэдэг билээ?

"Гэдэс дотор" :mrgreen:. Зүгээр л гэдэс дотор гэнэ.

Яг энэ тохиолдолд бол "хэрэмний хэвлийг ярж гэдэс дотрыг нь гаргаж ирэв" гэхэд болох байхаа.


Засав, хихих

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Apr.26.18 12:11 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Гоё хэсэг дээрээ тасарчихлаа... хүлээж байгаа шүү хурдан оруулаарай..маш их баярлалаа


Top
   
PostPosted: Apr.26.18 12:15 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.10.18 1:14 am
Posts: 8
Цувдай гэдэг нь бог малын гэдэс дотрыг цэвэрлэж янзлаад гүзээнд нь хийж хөлдөөгөөд хавар иддэг гэж ойлгоод байгаа .амьтаныг бол тэгдэггүй болохоор гэдэс дотор гэх байлгүй дээ


Top
   
PostPosted: May.02.18 1:35 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Өглөөний долоон цагт Райли хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлейн албан тасалгаа руу ороход Билл ч бас тэнд байх агаад, Морлей ажлын ширээнийхээ ард сууж байв.

Билл түүнийг харан инээмсэглэхэд Морлей байдгаараа хөмсгөө зангидлаа.

“Би ч бас тантай адилхан бодолтой байна” гэж Райли бодонгоо суув.

Болсон бүхэн яг л зүүд шиг санагдах аж. Тэр өчигдөр аав дээрээ зочилсноос хойш амьдрал нь тэр чигээрээ галзуу хулганаар тоглож буй мэт болжээ. Тэр гэртээ ирмэгцээ Квантикод байх Брент Мередит рүү утасдаж ажилдаа орох хүсэлтэй байгаагаа хэлэхэд Брент түүний Морлейтэй үүсгэсэн маргааныг зохицуулахаа амлаад дараагийн өдөр ажилдаа орж болох зөвшөөрөл өгсөн юм.

Гэтэл өнөө өглөөний 3 цагт түүн рүү Морлей өөрөө залгаж, ихээхэн бүдүүлгээр түүнийг яг одоо Финикст ирэх хэрэгтэй байгааг дуулгасан байна. Удалгүй албаны машин ирж түүнийг Квантикод хүргэхэд, тэнд ХМТ-н онгоц зөвхөн түүнийг Финикс рүү хүргэхээр хүлээж байсан бөгөөд одоо тэр энд үхтлээ ядарсан, толгой нь эргэсэн байдалтай сууж байгаа нь энэ. Гэсэн ч тэр ажилдаа эргэж орсондоо баяртай байлаа. Габриелла Эприл хоёр ар талаа найдвартай авч үлдэх хүмүүс төдийгүй түүнийг ажилдаа буцаж орох хэрэгтэйг хэнээс ч илүү ойлгож байсан нь үнэхээр талархмаар зүйл юм.

Харин Морлейн түүн рүү ширтэж буй харц нөхөрсөг гэж хэлэхийн аргагүй агаад Райли өөртөө Морлейн түүнийг хэрэг дээр ажиллуулахаас түтгэлзсэн шалтгаан үнэхээр ажил хэрэгч, мэргэжлийн шалтгаан байсан гэж итгүүлэхийг оролдсон ч үнэндээ түүний үйлдэлд уурлаж, зэвүүрхэхээ больж чадахгүй байв. Ямартай ч Морлей түүнтэй мэндчилэх гэж цаг зарцуулсангүй, оронд нь шууд гол ажилдаа орлоо.

- Бид шинэ мэдээлэлтэй болсон, бараг энэ хэргийг хааж дөнгөх чухал эд ч байж мэднэ. Билл бүгдийг дэлгэрэнгүй мэдэж байгаа, гэхдээ би чамд гол зүйлсийг нь хэлчихье гээд тэр барьж байсан цаас руугаа тонгойгоод

- Урд шөнө ачааны тэрэгтэй явж байсан хосууд Лунинг хотын ойролцоогоос нэг эмэгтэйг авсан байсан. Эмэгтэй хагас нүцгэн, биендээ шархтай, бас айсандаа хагас галзуурах дөхсөн байсан гэнэ. Хосууд түүнийг хэн нэгнээс зугтаж яваа байх гэж таамагласнаас өөрөөр яасныг нь мэдэхгүй байсан болохоор Лунингийн цагдаа нарт хүргэж өгөхөд цагдаа нар түүнийг маш үнэтэй хүзүүний зүүлт зүүсэн байгааг анзаарчээ. Ингээд тэд нар энэ тохиолдлыг бидний хэрэгтэй холбоотой байх гэж таамаглаад түүнийг ачааны тэрэг барьж явсан хүмүүстэй хамт нааш нь авчирсан байна гэж ярив.

- Тэд одоо энд байгаа юу? Хосууд болон эмэгтэй? гэж Райлиг асуухад

- Бүгд энд байгаа. Ачааны тэрэгний хосууд болох Ханна, Трой Коддингтон хоёр ярилцлагын өрөөнд, бидний Сокорро Баррера гэж тогтоосон эмэгтэй эмнэлэгт, гүн цочролд орсон, ямар ч авцалдаагүй хэдэн үг хэлэхээс хэтрэхгүй байдалтай байгаа гэж Морлей тайлбарлалаа.

Райли байдлыг дэнсэлж үзээд юуны түрүүнд эмэгтэйтэй ярилцаж үзэхийг хүссэн ч одоогоор энэ боломжгүй мэт санагдсан тул бусад шаардлагатай мэдээллүүдийг эхлээд олж авахыг бодон

- Билл бид хоёр хосуудтай ярилцъя гэлээ.

- Тэгвэл явцгаая гэж Морлей хэлээд гурвуул ярилцлагын өрөөг чиглэв. Райли Билл хоёр ярилцлагын өрөө рүү орж, Морлей хажуугийн өрөөнөөс байдлыг хянахаар үлдлээ.

Ширээний ард сууж байсан Ханна болон Трой Коддингтон нар хоёул том биетэй, булчин шөрмөс болсон, биеэрээ дүүрэн шивээс болсон хүмүүс ажээ. Райли тэр хоёрын чухам хэн нь илүү шивээстэй болохыг ялгах гэж ч оролдсонгүй. Билл Райли хоёр өөрсдийгөө тэдэнд танилцуулах үед Райли Коддингтоныхныг санаа зовсон байдалтай байгаад анзаарав.

- Бид хуульчтайгаа холбоо барих шаардлагатай юу? гэж Трой асуухад
- Бид хоёрт байнгын хуульч байхгүй л дээ. Гэхдээ та нар бидэнд хуульч гаргаж өгөх байх тийм үү? гэж Ханна тодрууллаа.
- Хуульч юунд хэрэгтэй билээ? гэж Райли гайхав.
- Яахав, Трой бид хоёр хагас нүцгэн, хараажийн биеэ үнэлэгч баймаар эмэгтэйг хурдны зам дээрээс машиндаа суулгасан нь сэжигтэй харагдана гэдгийг ойлгож байгаагаас тэр л дээ. Гэхдээ бид хүний наймаачид биш шүү, бурхнаараа амлая. Бид тийм новшнуудыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг, бид хоёр зөвхөн тэр хөөрхий бүсгүйд л тусалсан юм гэж Ханна тайлбарлахад Райли Билл хоёр зэрэг инээмсэглээд
- Бид үүнийг мэдэж байгаа, та хоёрыг энд сэжигтний үүднээс байлгаагүй. Бид та нарыг угаасаа огт баривчлаагүй. Гэхдээ та бүхэн бидэнд тусалбал маш их баярлах байна гэж Билл хэлэв.
- Яг юу болсон талаар та бидэнд ярьж өгөөч? гэж Райли асуулаа.
- Өчигдөр шөнө бараг шөнө дунд болж байхад бид хоёр Лунингд ачаа буулгаад тэр шөнөдөө дэн буудалд хонохоор явж байсан юм гэж Ханна эхлэв.
- Лунингийн яг хажууд байдаг Нопал гэдэг нэртэй дэн буудал гэж Трой нэмлээ.
- Трой жолоо барьж явсан юм. Гэнэт бид түүнийг зам дээр гарч ирэхийг харсан. Машины холын гэрэлд яг л сүнс шиг харагдсан, гэхдээ сүнс байгаагүй л дээ. Тэр бэлхүүснээсээ дээшээ нүцгэн, гуталгүй байсан. Би тэр даруй Тройд зогс гэж хашгирсан даа гэж Ханна үргэлжлүүлэхэд Трой урд шөнө харсан зүйлдээ эвгүйцэв бололтой
- Тэгэхэд ч үхтлээ айсан шүү. Тоормозоо гишгэтэл машин шарваж, ачааны хэсгээрээ золтой л холбирчихоогүй. Амьд байгаа нь аз гэлээ.

Ханна ч мөн агзасхийн чичрээд, толгой сэгсрэн

- Тэр машин руу миний сууж байсан талаас дөхөж ирээд Мексикээр баахан юм хэлсэн ч бид хоёр хэн нэгэн түүнийг хөөж яваа, биднээс түүнийг аврахыг гуйсан хэсгээс өөр юу ч ойлгоогүй гэв.
- Бид хоёр ч их юм асуугаагүй, Ханна түүнийг машинд суулгамагц бид шууд тэндээс хөдөлсөн гэж Трой тайлбарлалаа.
- Би бүсгүйг бүхээгний ард байдаг гудсан дээр хэвтүүлээд харахад хөөрхий амьтан толгойноосоо хөл хүртлээ битүү шарх болчихсон, өмссөн хэдэн хувцас нь юу ч үгүй урагдаж сэглэгдсэн байсан. Би түүнийг хөнжлөөр орооход тэр бөмбөгнөтөл чичирч, бүр шүд нь тачигнаж байсан шүү. Гэтэл тэр юу юугүй цочролд орчихсон, бүр жинхэнэ гүн цочрол. Дахиад амнаас нь ганц ч үг гараагүй гэж Ханна үргэлжлүүлэхэд
- Ингээд бид түүнийг цагдаад хүргэж өгөхөд, цагдаа нар бид бүгдийг нааш нь авчирсан гэж Трой яриаг дуусгалаа.

Райли болсон явдлыг тархиндаа зураглаж үзээд өчнөөн мэдээлэл дутуу байгааг ойлгов. Эмэгтэй чухам хаанаас гүйж гарч ирсэн бэ? Тэр машинаас үсрэн бууж зугтсан юм болов уу? Райли Сокоррог аль болох хурдан цочролоосоо гарч түүнд бүгдийг ярьж өгөх байх гэж найдав.

- Та хоёр ойр хаа нэгтээ машин байсан эсэхийг анзаарсан уу? гэж Билл асуухад
- Замын хажууд нэг үнэтэй машин байх шиг байсан. Хар өнгөтэй байсан билүү дээ, гэхдээ би загварыг нь ч олж харж чадаагүй. Бид ядаж л дугаарыг нь тэмдэглэж авах байж. Даанч бүх зүйл их хурдан болоод өнгөрсөн, тэр машин ч яваад өгсөн гэж Трой харамсав.
- Зүгээр дээ, та бүхэн чадах бүхнээ хийсэн байна. Харин ч бид бүхэн та хоёрыг тэр хөөрхий эмэгтэйг амийг аварсан гэж итгэж байгаа шүү. Тэр ухаан ормогцоо та хоёрт өөрийн биеэр талархах байх гэж Райли тайвшрууллаа.

Билл Райли руу эргэн нүдээрээ тэднээс асуух өөр асуулт байгаа эсэхийг асуухад Райли үг дуугүй толгой сэгсрэв.

- Ноён, хатагтай Коддингтон, одоо та бүхэн явж болно. Гэхдээ холбоо барих мэдээллээ энд бичээд үлдээчих, бас өөр юу ч хамаагүй ямар нэгэн зүйл санавал бидэн рүү залгаарай гээд Билл бал цаас тэдэн рүү сарвайлаа.

Мэдээллээ солилцсоны дараа Билл Райли хоёр хосуудыг ярилцлагын өрөөнөөс дагуулан гарч явах үед Морлей хажуугийн өрөөнөөс гарч ирээд

- Би тэднийг яв гэж хэлээгүй гэж бувтналаа.
- Тэд бидэнд мэдэх бүхнээ хэлсэн. Одоо харин эмнэлэг рүү явцгаая. Би тэр эмэгтэйтэй ярилцах хэрэгтэй байна гэж Райли ууртай хэлэхэд
- Эмэгтэй одоо юу ч ярих боломжгүй байгаа хэмээн Морлей татгалзаж
- Тийм эсэхийг нь би шийднэ гэж Райли эсэргүүцлээ.

Эмнэлэг рүү явж байхдаа Райли Морлейтэй арай аятайхан харьцах ёстойгоо ойлгож байв. Тэр цагийн зөрүүнд орсноосоо болж ядарч, бухимдан муухай аашаа хэнд ч хамаагүй гаргаж байгаа ч Морлей түүнийг тушаалыг нь дагаагүй гэсэн шалтгаанаар хэргээс түтгэлзүүлэх бүрэн эрхтэй хэвээр байгаа билээ. Хэрэв ингэдэг юм бол түүний өмнөх хэргээс түтгэлзүүлсэн тохиолдолтой нийлээд Райли жинхнээсээ баларч ч мэднэ.

"Иргэншсэн хүн шиг бай л даа" гэж тэр өөртөө санууллаа.

Эмнэлэгт ганц л эрэгтэй эмч байх агаад эмнэлгийн хувцастай Сокорро Баррера орон дээрээ суугаад мөнгөн гинжийг гартаа барьж, хуруугаараа гинжийг тэмтрэнгээ толгойгоо нэгэн хэмээр дохилзуулан испаниар амандаа ямар нэгэн юм бувтнах ажээ.

- Тэр ийм байдалтай хэдэн цаг болж байна. Анх энд ирэхдээ арай дээр байдалтай байсан юм. Хүүхдүүдээ тасралтгүй асуугаад, бидэнд хаягаа өгсөн болохоор бид нийгмийн ажилтнаа хүүхдүүдийг нь харуулахаар явуулсан. Хүүхдүүд нь энд ирчихсэн, айх юм байхгүй. Гэтэл тэр ийм байдалтай хэдэн цаг боллоо гэж эмч ярив.

Эмэгтэй амандаа юм бувтнан гинжийг тэмтэрсээр байлаа.

- Энэ гинж нотлох баримт учраас бид авах гэж оролдсон боловч тэр өгөхгүй байна.

Райли түүний юу бувтнаж байгааг сонсохоор түүн рүү дөхлөө.

- Dios te salve, Maria. Llena eres de gracia: El senor es contigo...

Райли түүний юу хэлж байгааг шууд ойлгов. Сокорро цочролд орж, орчноос тусгаарлагдсан оюун ухаандаа гинжийг цэцгэн хэлхээ хэмээн төсөөлж, Гэгээн Маригийн залбиралыг испаниар уншиж байлаа.

"Хараал идэг, эмч үүнийг нь өдийд ойлгосон баймаар юм" гэж Райли бодоод эргэн тойрноо харвал хөөрхий эмэгтэйг Райлигаас бусад нь дан эрчүүд хүрээлсэн байх аж. Үүнийг хараад Райли тэдэн рүү хашгирч, өрөөнөөс хөөж гаргахыг хүссэн авч биеэ барих ёстойгоо санаад

- Би түүнтэй хоёулхнаа хэдэн минут ярилцах хэрэгтэй байна гэж хэлэв.

Эрчүүд өрөөнөөс гарч Райли Сокорро Баррератай хоёулхнаа үлдлээ.

- Сокорро гэж Райли түүнийг аяархан дуудсан ч эмэгтэй гинжийг имэрсээр байв.

- Santa Maria, Madre de Dios, ruega por nosotros pecadores...

Райли түүнийг нүүрийг ажваас этгээд Латино загварын хурц өнгөөр нүүрээ будсан байсан бололтой авч хөлс, нулимс, шороотой хутгалдан тэр гэхийн тэмдэггүй эрээн мяраан болж, бие нь энд тэндээ хөх няц болсны дээр битүү боодолтой байлаа.

Райли түүнийг эхлээд хэн нэгэнд зодуулсан байх гэж бодсон ч шархнууд нь цохиулсан ч юм уу иртэй зүйлээс үүссэн биш чулуурхаг шороон замаар ч юм уу нүцгэн гүйж, бүдэрч унаснаас үүссэн гэмтэлтэй илүү төстэй байх аж. Ачааны тэрэгтэй хосууд түүнийг Лунинг гэдэг жижиг хотын ойролцоогоос олсон гэсэн тул бодвол элсэн цөл дунд байдаг хот байхаас зайлахгүй. Бүсгүй хөлийг хучсан байсан ч Райли хөл нь ялангуяа маш их гэмтсэн байх гэж таалаа.

- Сокорро, mi llamo Райли. Би чамд аймшигтай зүйл тохиолдсон гэж мэднэ. Би чамд туслахаар ирсэн юм.

Эмэгтэй залбирлаа уншсан хэвээр гинжийг имэрсээр байсан тул Райли түүний хуруунд хүрэхэд Сокорро хуруугаа хөдөлгөхөө болиод Райли руу эгцлэн ширтлээ. Райли мөрдөгчөөр ажилласан энэ олон жилийн туршид ингэж сүнсээ зайлтал айсан харцыг ховорхон харж байсан учир түүний харцнаас айн самгардав.

- Hablas ingles? (Англиар ярьдаг уу? .орч) гэж Райли асуулаа. Тэр өөрийнх нь испани хэл ийм нөхцөлд ярилцах хэмжээний эсэхэд эргэлзэж байв.

Азаар Сокорро толгой дохиход Райлигийн санаа амран, гинжийг мөн адил хуруугаараа имрээд

- Их гоё юм. Чи үүнийг хаанаас аваа вэ? гэж асуулаа.

Сокорро өмнө нь гинж рүү огт харалгүй өөр тийш гөлөрч байсан бол одоо Райлиг ингэж асуумагц гинж рүү тогтон хараад нүдэнд нь айдас хуран амандаа ямар нэгэн юм бувтнаад гинжийг угз татаж авч Райлид өгөв.

- Tomalo. Үүнийг надаас аваач, гуйя. Надад энэ хэрэггүй.

Райли гинжийг аваад түүнд харуулахаар өндөрт барин

- Гэхдээ энэ үнэхээр гоё юм байна. Чи үүнийг хаанаас аваа вэ? хэмээн асуултаа давтав.

Сокорро дальдчин Райлигаас холдоод байдгаараа чичирч эхэллээ.

- Тэр надад өгсөн юм
- Хэн өгсөн гэж Сокорро?

Сокорро Райли руу харахаа больж, дахиад гөлөрч эхлэн урьдын адил цочролын байдалдаа орж эхэллээ. Харин Райли түүний гарыг зөөлхөн атгаад

- Би чамд тусламаар байна. Гэвч чи надтай ярилцах хэрэгтэй байна гэж хэлэхэд түүний гар, зөөлөн хоолой нь Сокоррог анхаарлаа төвлөрүүлэхэд туслах шиг болов. Тэр дахин Райли руу харахдаа буланд шахагдсан амьтан адил айдас дүүрэн харцаар ширтэж байлаа.

- Би Коновер өргөн чөлөөгөөр алхаж байсан юм... хэмээн тэр залбирал уншиж байсантайгаа адил үхээнц хоолойгоор дуугарав.
- Охидын ажилладаг газар мөн үү? гэж Райли асуухад Сокорро толгой дохиод
- Тийм ээ, гэхдээ би... гэснээ хоолой нь цахиртан дуугүй боллоо. Райли түүний гарыг илээд
- Зүгээр дээ Сокорро. Би энд чамайг шүүх гэж ирээгүй, чамайг энд хэн ч баривчлахгүй. Бүгд чиний талд байгаа, би зөвхөн чамд л туслахыг хүсч байна гэв.

Сокорро нүдээ онийлгон болсон явдлыг санахыг оролдож байгаа бололтой.

- Тэр маш гоё машинтай, бас их мөнгөтэй юм шиг харагдсан. Тэр машинаа зогсоол дээр тавиад сууж байсан болохоор би түүн дээр өөрөө очсон юм. Тэгээд би түүнтэй явах хүсэлтэй байгаагаа, хэрэв тэр хүсвэл машин дотор нь ч амжуулж болно гэж хэлсэн. Гэтэл тэр өөр тийшээ явахыг хүсч байгаа гээд бид хоёр хотоос гарч жижигхэн дэн буудалд очсон.

Райли Коддингтоныхны хэлж байсан дэн буудлын нэрийг санаад

- Нопал дэн буудал мөн үү? гэлээ. Сокорро толгой дохин
- Бид өрөө авч орсон гэв.
- Та хоёр тэнд бэлгийн харилцаанд орсон уу? гэж Райлиг асуухад Сокорро толгой сэгсрэн
- Үгүй, би хэлснийг нь хийхэд бэлэн байсан ч надад тэр тийм юм хийж чадахгүй юм шиг санагдсан гэлээ.

Райли алуурчныг бэлгийн хувьд асуудалтай гэж сэжиглэж байснаа санаад гинжийг дахин Сокоррод харуулахаар өндөрт барьж

- Тэгээд тэр үүнийг чамд өгсөн юм байна. Энэ хайрцагтай байсан уу? гэж асуув.
- Тийм байх аа
- Хайрцган дээр дэлгүүрийн нэр байсан уу?

Сокорро санах гэж оролдоход царайнд нь ийм юм санахад хэцүү байгаа нь илэрхий аж.

- Би санахгүй байна. Тэгснээ тэр машин руугаа гарч явахад би өөр нэг эмэгтэй хүзүүний зүүлт зүүсэн чигтээ алуулсныг санаад айж эхэлсэн. Тэгээд хаалгаар шагайн харахад тэр машинаасаа олс гарган авч байсан.
- Тэгээд чи зугтсан юм уу?
- Si

Үлдсэн хэсгийг тааж ядах юмгүй аж. Райлигийн өмнө таамаглаж байсанчлан бүсгүй чулуурхаг хөрс, ширүүн бут сөөгөн дундуур нүцгэн гүйснээсээ болж биеэрээ дүүрэн шарх авчээ. Гэвч энэ бүсгүй тийм гэхийн аргагүй азтай нэгэн юмсанж.

- Тэр ямаршуу төрхтэй хүн бэ? гэж Райлиг асуухад Сокорро асуултыг ойлгоогүй мэт түүн рүү ширтэв.
- Тэр өндөр үү, намхан уу, эсвэл дунд зэргийн нуруутай юу? гэж Райлиг тодруултал Сокорро бүр ч илүү будилсан төрхтэй боллоо.
- Чи түүний царайг санаж байна уу? Үснийх нь өнгийг ч юм уу?

Сокоррогийн нүднээс нулимс урсан, бүх бие нь чичирч эцэст нь тэр толгой сэгсрэв. Райли түүний яг ямархуу байдалтай байгааг ойлгоод санаа алдлаа. Түүнд өмнө нь ийм байдалд орсон гэрч хэд хэд таарч байсан билээ. Хөөрхий эмэгтэй ийм зүйлийг эргэн санахад дэндүү аймшигтай байгаа учраас ой ухаан нь түүний тухай дурсамжуудыг хүчээр хааж байгаа нь энэ. ХМТ-нхан хэрэгтний царай төрхийг дүрслүүлэхээр түүнийг хүчилж болох ч эмэгтэйн оюун ухаан магадгүй хэзээ ч дахин түүнийг сануулахгүй ч байж магадгүй юм. Райли дахиад л Петерсонд баригдсанаа, ийм дурсамжийг санах ямар хэцүү байдгаа саналаа. Иймд тэр Сокоррогийн энэ байдлыг буруутгаж чадсангүй. Түүнийг сануулахаар хүчилбэл зөвхөн бүсгүй л асар ихээр зовох төдийгүй бүр ямар ч үр дүнд хүрэхгүй ч байж мэднэ.

- Намайг уучлаарай, би юу ч санахгүй байна гэж Сокоррог хэлэхэд Райли түүний гарыг илээд
- Зүгээр дээ, би ойлгож байна гэлээ.

Бүсгүйн нүднээс дахиад л нулимс урсаж, тэр эхэр татан уйлж эхлэв.

- Би түүнийг зүгээр л нэг хүн гэж бодсон юм. Тэр их гоё, хээнцэр залуу шиг байсан. Би Т.Р-г зүгээр л нэг хүн гэж бодсон.

Энэ нэр Райлиг алхаар цохиод авах шиг болж

- Т.Р гэсэн үү? Түүний нэрийг Т.Р гэдэг юм уу? гэж асуулаа.
- Si, тэр өөрийгөө тэгж нэрлэж байсан.

Райли өөрийнхөө тэнэгийг гайхсандаа золтой л цус харвачихсангүй. Тэр Рудитэй Игуана уушийн газарт байхдаа Т.Р гэдэг нэртэй эр Цөлийн хаад ачааны машины зогсоол дээрх охидыг айлгаж байсан талаар хэлснийг санав. Тэр бодлынхоо гүнд Билл тэр хоёрын тэр шөнө барих гээд чадаагүй сэжигтэн жинхэнэ алуурчин биш байж ч магад гэж найдаж байсан юм. Гэвч одоо бол үүнд эргэлзэх хэрэггүй болжээ.

"Бид түүнийг барьсан бол. Бид түүнийг алдаагүй байсан бол..." хэмээн Райли харуусан бодно.

Райли тэр эрийн Сокоррог алах гэсэн бүтэлгүй оролдлогынхоо дараа юу хийхийг яг таг мэдэж байлаа.

Тэр удахгүй дахин өөр хэн нэгэн рүү дайрна. Өдийд аль хэдийн хийчихээгүй л бол...

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: May.02.18 9:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Баярлаа их хүлээсэн шүү кк


Top
   
PostPosted: May.04.18 11:38 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
thanks :cheerleader:


Top
   
PostPosted: May.06.18 5:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Ээ хүлээж байгаа шүү


Top
   
PostPosted: May.08.18 4:13 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Хүлээгээл


Top
   
PostPosted: May.09.18 12:04 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тэр энэ өглөө Коновер өргөн чөлөөний танил замаар давхиж явлаа. Түүний нүдэнд танил болсон гудамжны биеэ үнэлэгчдийн аль нь ч харагдсангүй, тэр ч ийм цагаар тэднийг байна гэж хүлээсэнгүй. Үнэндээ тэр юу ч хүсээд байгаагаа, яах гэж байгаагаа ч мэдэхгүй байв.

Тэр ядарсан, бас өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс ч ой гутаж байсан ч тэр айсан байлаа. Урд шөнө Сокорротой тохиолдсон явдал тэр чигээрээ гай гамшиг аж. Анх удаа түүний онилсон эмэгтэй түүнээс зугтаж, одоо хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байв.

Тэр машинаа Сокоррогийн хажууд зогсоотол тэр хурдны зам руу гүйн одож ачааны тэргэнд дайруулах шахсан. Тэр үүнийг хармагцаа хурдлан алга болсон ч хурдны замаас гараад юу болсныг хартал гай болж нэг эмэгтэй Сокоррог ачааны тэргэндээ суулгаж байх нь тэр.

"Гай удсан жингэр дайруулаад үхчихгүй яав даа" хэмээн тэр занаж байлаа.

Тэр ачааны тэргийг дагахыг оролдсон ч замын хөдөлгөөнөөс болж яалт ч үгүй алдчихжээ. Одоо тэр хаана байгаа бол? Ачааны тэрэгний жолооч нар түүнийг цагдаад хүргэж өгсөн болов уу? Тэр цагдаа нарт өөртэй нь уулзсан эрэгтэй өөрийг нь алах гэж оролдсон гэж хэлсэн болов уу?

Үгүй, тэр өөрийгөө ийм утгагүй юманд итгүүлж болохгүй. Янхан цагдаагаас тусламж гуйна гэж үү? Ёстой гайгүй байлгүй.

Гэвч тэр өөрийгөө нөхцөл байдлыг бодитоор тунгааж бодож байгаа эсэхдээ ч эргэлзэж байв. Урд шөнө тэр ямар ч хүчтэй нойрны эм уугаад өөрийгөө харааж зүхсэн бачуурал, уур бухимдлаасаа болж цурам хийж ч чадаагүй аж.

Харин одоо тэр энд яг юу хийх гэж явж байгаа нь энэ вэ? Тэр үнэхээр энэ өглөө Сокоррог эндээс олно гэж бодлоо гэж үү? Мэдээж үгүй, гэвч тэр түүний байгаа газрыг илрүүлэх ямар нэгэн сэжүүр энэ хавиас олж ч магадгүй. Бас тэр түүнийг хүмүүст бүгдийг ярихаас өмнө олох хэрэгтэй байлаа. Тэр урд шөнө хийх гээд чадаагүй ажлаа дуусгах ёстой.

Сокоррог алах нь түүнд ямар ч таашаал авчрахгүйг мэдээд тэр цухалдаж байлаа. Өмнө нь тэр хэзээ ч хэрэгцээ шаардлагаас болж аллага хийж байсан удаагүй. Түүний хөнөөхөөр сонгосон хохирогчид мэдээгээр гараагүй ч байсан болоосой. Тэр өөрийнхөө хувийн нууцыг чандлан хадгалж чадсан байсан ч болоосой.

"Хараал идсэн олон нийт" гэж тэр зүхнэ.

Тэр ийм зүйл болохыг огтхон ч хүсээгүй боловч гай таарч энэ бүхэн түүнд хачиг шиг наалдчихжээ. Гэтэл тэр гэнэт яг хажуугаар нь яахын аргагүй гудамжны биеэ үнэлэгч явж өнгөрөхийг хараад цонхоо буулган түүнийг дуудлаа.

- Бүсгүй, чи надад нэг тус хүргээч

Эмэгтэй түүн рүү харан инээмсэглээд дөхөж ирээд

- Чадлаараа тусалж болно шүү, найзаа гэв.

Эмэгтэйг дөхөж ирэхэд тэр түүнийг өмнө нь хаа нэгтээ харсан ч юм шиг, яалт ч үгүй танил царай байх шиг. Магадгүй Хэнкийн уралдаан, эсвэл Цөлийн хаад зэрэг ачааны машины зогсоолуудын аль нэгэнд харсан байж болох юм. Эмэгтэй ч түүний царайг танив бололтой, нүүрэн дээрх инээмсэглэл нь салхинд туугдсан мэт замхаран алга болж царай нь хувьсхийлээ.

- Би Сокорро гэдэг нэртэй нэг бүсгүйг хайж байгаа юм. Чи түүний хаана байгааг мэдэхгүй биз?

Янхан хариу хэлсэнгүй, харин ч нүүр буруулан түүнээс холдон алхаж эхлэв.

- Би түүнд мөнгө өгөх ёстой юм, урд шөнө надад хангалттай мөнгө байгаагүй болохоор одоо өгөх гэж байгаа юм аа. Тэр намайг үнэхээр зугаацуулсан болохоор би түүнийг гомдоомооргүй байна гэж тэр хэлсэн ч эмэгтэй түүнийг сонсоогүй бололтой утсаа гарган хэн нэгэн рүү залгаж байлаа.

"Намайг тоохгүй байхаар шийдээ юм биз дээ? Энэ муу тэнэг янхан яачихаа вэ?" гэж тэр гайхан бодтол гэнэт машиных нь цонхыг тогших дуулдаж тэр давхийн цочин харвал түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй охин зорчигчийн талын шилийг бөмбөрдөж байсанд тэр цонхоо буулгав.

- Эрхэм ээ, намайг нэг тийш нь хүргээд өгөхгүй биз? гэж тэр асуухад эрэгтэй түүнийг ажваас туранхай, шаргал үстэй, үүргэвч үүрсэн нэгэн байх ажээ.

Эрэгтэй өнөөдөр өөрт нь ганц зөв зүйл тохиолдсонд, эмэгтэй хүн өөрөө түүн дээр хүрч ирсэнд баярлан түүн рүү инээмсэглээд

- Чи Сокоррог таних уу? гэж асуув.

Охин мөрөө хавчаад инээн

- Танилгүй яахав, Сокорро бид хоёр их удаан найзалсан шүү гэлээ.
- Тэгвэл суучих гэж тэр хэлсэнд охин өөрөө машины хаалгыг онгойлгоод үсрэн суув.
- Надад Сокоррогийн яасныг яриач гэж түүнийг шавдуулахад охин
- Хүүе эхлээд намайг хүргээд өгчих л дөө. Хаашаа ч хамаагүй хотын зах руу, дуртай газар руугаа гэв.

Эрэгтэй энэ охин Сокоррог ер нь таньдаг эсэхэд эргэлзсэн ч үнэндээ энэ түүнд хамаагүй байлаа. Энэ дүүрэгт ганцаараа явж байхыг бодоход тэр янхан байхаас зайлахгүй учир тэртэй тэргүй гол зорилгоо биелүүлж байгаа нь энэ аж. Тийм ээ, түүнд яг одоо ийм зүйл л хэрэгтэй байсан тул тэр Сокоррог бодлоосоо авч хаяад энэ өхөөрдөм гэнэн, юу болохыг огтхон ч сэжиглээгүй байгаа нэгэнтэй зугаацахыг хүслээ.

Түүнийг хөдөлж эхлэхэд араас нь хэн нэгэн хашгирах шиг болсон ч юу гэсэн нь дуулдаагүй тул тэр голын толиндоо харваас түрүүний янхан машиных нь араас гараа даллан, хашгиран гүйж байх нь үзэгдэв. Тэнэг янхан түүнийг албаар тоохгүй царайлж байснаа одоо өөр нэгэнтэй явангуут харааж байна гэнэ үү.

"Галзуу гичий, арилаад өг" гэж тэр амандаа зүхээд холдон одлоо.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: May.09.18 12:09 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1224
Location: In the end
ГУЧИН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Туслах ажилтан Райлиг хурлын өрөөнд дуудаж байгаа талаар хэлэх үед тэр ХМТ-н эмнэлэг дээр байсаар л байв. Морлей Билл Райли хоёртой хоёулантай нь ярилцахыг хүссэн гэжээ.

"Биднийг дахиад л бангадах нь дээ" гэж Райли аягүйцэн бодонгоо Сокорротой эмнэлэгийнхэн хэрхэн харьцаж байгаа нь огтхон ч таалагдаагүй учир эрэгтэй эмчийг дуудан

- Сокоррогийн хүүхдүүдийг харж байгаа нийгмийн ажилтныг дуудаад хүүхдүүдийг нь энд авчир гэж хэл. Хүүхдүүдэд ээж нь хэрэгтэй, түүнд хүүхдүүд нь хэрэгтэй. Сокоррогийн бие сайжрангуут тэднийг бүгдийг нь хамгаалах байранд хүргэж өгөөрэй гэж тушаав.

Эмч Райлигаас айсан шинжтэй тэрүүхэндээ инээмсэглээд

- Мэдлээ, хатагтай гэж хэлэхэд

"Гэгээн эцэг минь гэж. Сокоррод энэ эр хүйстний төлөөлөгч гахай л дутаж гэнэ" гэж Райли уурсан бодоод

- Сокоррог эмчлэх хоёр эмэгтэй сувилагч нааш нь явуул. Бас чи - энүүгээр аль болох бага эргэлд мэдэв үү! гэж зандарлаа.
- Мэдлээ, хатагтай гэж эмч давтана.

Райлигийн чих уурандаа дүнгэнэх шиг санагдсан ч одоо ингэж давчдах цаг биш учир Морлей, Билл хоёрын хүлээж байгаа уулзалтын өрөө руу шууд явлаа.

- Чи эмнэлэгт байгаа эмэгтэйгээс ямар нэгэн мэдээлэл авч чадав уу? гэж Морлей асуув.
- Цөлийн Хаадад байсан эрэгтэй бидний барих ёстой хүн мөн байж. Нэрийг нь Т.Р гэдэг гэнэ гэж Райли хариуллаа.
- Тэгээд та хоёр түүнийг алдчихаа биз дээ гэж Морлей хэлээд Райли руу хялайн харав.

Райли шүлсээ чимээтэй залгихад Билл

- Тийм ээ, эрхэм ээ. Бид тэгсэн нь үнэн, гэхдээ дахиад тийм явдал болохгүй гэлээ.
- Тэр өөр ямар нэгэн юм хэлэв үү? гэж Морлейг асуухад Райли толгой сэгсрэн
- Тэр нарийн ширийн мэдээллийг боловруулж чадахгүй байна. Бүр түүний гадаад төрхийг ч огт хэлж чадаагүй гэлээ.

Морлей ширээг хуруугаараа товшин

- Түүнийг ховсдож болох юм гэв.

Райли уртаар амьсгаа авлаа. Түүнд энэ санаа огтхон ч таалагдахгүй байсан ч Морлейгийн уурыг хүргэвэл баларч болохоо мэдэх учир өөрийнхөө бодлыг аль болох эвтэйхэн хэлэх ёстойгоо ухааран

- Эрхэм ээ, би таны саналыг ихэд хүндэтгэж байгаа ч ховсын арга өмнө нь хэр олон удаа үйлчилж байсныг гайхаж байна. Миний туршлагаар бол гэрч зүгээр л дэмий хоосон зүйл бурж эхэлдэг. Энэ арга бусад ой ухаан сэргээх аргуудтай яг адил, маш найдваргүй зүйл. Ямартай ч одоо ийм юм хийх цаг арай биш, бид юу ч хийлээ гэсэн түүнээс мэдээлэл авч чадахгүй мөртлөө улам л их зовооно гэж тайлбарлав.

Морлей дурамжхан толгой дохиод

- Тэгвэл бидэнд мэдээлэл гэх юм юу ч үгүй юм шив дээ гэв.

Билл Райли хоёрын хэн нь ч хариу хэлсэнгүй боловч энэ үед Райлигийн утас дуугарч Цөлийн Хаадад Игуана уушийн газрыг ажиллуулдаг Руди Лафам түүн рүү залгаж байв.

- Би энэ хүнтэй ярих ёстой гэж тэр Морлей Билл хоёрт хэлээд өрөөний буланд очин утсаа авлаа.

- Руди, сонин юу байна даа?
- Мөрдөгч Пэйж, тэр нэг бүсгүйг авчихлаа, Т.Р нэг охиныг авчихлаа гэж Руди утасны цаанаас амьсгаа авах зөрөөгүй, ихээхэн айсан шинжтэй дуржигнуулав.
- Юу гэнэ ээ? Хэн? Чи яаж мэдээ вэ?

Руди хэдэн хормын турш юу ч дуугарсангүй, арайхийн өөрийгөө хянаж байгаа бололтой.

- Жюлийг санаж байна уу? Уушийн газарт чамайг хөндөлсөж байсан эмэгтэйг?

Райли яг сэжигтнийг олж харсан мөчид Жюл өөр хоёр эмэгтэйтэй нийлэн түүний замыг хааж бүгдийг баллаж орхисон гашуун дурсамжаа санаад

- Тийм ээ, би түүнийг санаж байна гэлээ.
- Жюл дөнгөж сая Коновер өргөн чөлөөнд ажиллаж байсан гэнэ ээ. Охид өглөө эрт ажиллах нь ховор боловч түүнд мөнгө хэрэгтэй байсан, бас тэндэхийн охид шөнөдөө тэр хавийг эзэлчихдэг болохоор түүнд өглөө ажиллах л ганц боломж гарч тэр...
- Руди, гол яриандаа ор гэж Райли түүний яриаг таслахад Руди утасны цаана гүнзгий амьсгаа аваад
- Жюл гудамжинд арван дөрвөөс хэтрээгүй насны, үүргэвч үүрсэн, гэрээсээ зугтаад явж байгаа болов уу гэмээр охин харсан гэнэ. Жюл охинд тэр хавийг аюултай газар гэж хэлээд гэртээ харь гэж ятгасан боловч охин үгэнд нь ороогүй, түүний нэрийг ч мэдэж амжаагүй байтал Т.Р ганган машинтайгаа түүн дээр ирээд Жюлд Сокорро гэдэг эмэгтэйн талаар ямар нэгэн юм хашгирсан гэж байна.

Энэ нэрнүүдийг сонсоод Райли одоо жинхнээсээ түүний ярианд анхаарч, Руди үргэлжлүүлэн

- Би эндэхийн охидод Т.Р-г аюултай хүн гэж сануулаад түүнийг харвал над руу залгаарай гэж захьсан юм. Тийм болохоор Жюл тэр дороо над руу залгасан. Гэтэл бид хоёрыг утсаар ярьж байх зуур нөгөө хөөрхий охин түүний машинд суусан гэнэ. Жюл араас нь хашгирсан боловч Т.Р зогсолгүй тэр чигээрээ явчихсан байна гэлээ.

Райлигийн зүрх хүчтэй цохилж эхлэн

- Жюл машины дугаарыг тэмдэглэж авсан уу? гэж асуухад Руди бухимдсан байдалтай санаа алдав.
- Үгүй гэнэ. Жюл баргийн тэнэг янхнаас ч илүү дүйнгэ гэдгийг чи анзаарсан байх. Би түүнээс машины дугаарын талаар асуухад тэр энэ талаар бүр бодож ч амжаагүй гэсэн. Ямартай ч энэ нилээн том, ганган машин байсан бололтой, Бюк, Кадиллак, БМВ ч гэлүү.

Райли маш хурдтай сэтгэн

- Чи Жюлтэй дахиад ярьж чадах уу? гэж асуувал
- Мэдээж, би түүн рүү яг одоо ч залгаж чадна гэж Руди хариуллаа.

Райли Рудид Жюлийг цагдаа дээр оч гэж хэл гэх гэж байснаа янхан яагаад ч ийм юм хийхгүйг гэнэт ойлгоод

- Түүнийг өөрийнхөө уушийн газарт яг одоо хүрээд ир гэж хэл. Тэр ирэх болов уу? хэмээн асуув.
- Тэгэлгүй яахав, би хэлэх юм бол хүрээд л ирнэ.
- Сайн байна. Намайг эндээс түүнтэй ярилцах мөрдөгч явуулах хүртэл түүнийг байлгаж байгаарай. Тэр яалт ч үгүй өөр ямар нэгэн юм санаж байгаа.
- За, би яг одоо түүн рүү залгая

Райли утсаа таслаад Билл Морлей хоёр дээр хар хурдаараа очин

- Сэжигтэнг Коновер өргөн чөлөөнд машинтайгаа явж байхыг нэгэн биеэ үнэлэгч олж харсан байна. Тэр үүргэвч үүрсэн бага насны охиныг авч явжээ. Охин гудамжны биеэ үнэлэгч биш, магадгүй ердөө гэрээсээ зугтсан өсвөр насны хүүхэд байх магадлалтай гэнэ гэж хэлэв.

Морлейн царайнд эргэлзээ тодрон

- Энэ ч түүний арга биш байна даа гэхэд Райли эсэргүүцсэнгүй боловч бас зөвшөөрөхгүй байж чадсангүй. Энэ хүн хүүхэд хулгайлдаггүй, бүр биеэ үнэлэгч биш эмэгтэйг ч авсан тохиолдол гараагүй билээ. Тэр түүнийг хэзээ ч бага насны хүүхэд рүү халдана гэж бодож байсангүй. Гэтэл Билл

- Үүнд гайхах юм алга. Тэр болгоомжтой байж чадаагүй, урд шөнө бүх зүйлс түүний хяналтаас гарчихсан. Тийм болохоор одоо тэвчээр алдан, байж ядаж, юу ч хамаагүй өөр зүйл хийж эхэлж байгаа нь энэ. Мэдээж бүр ч олон алдаа гаргах байх гэж тайлбарлав.

Энэ үнэхээр утга учиртай тайлбар шиг санагдсан тул Райли

- Яг одоо тэр хэн нэгэн охиныг авчихсан байгаа, бид цаг алдаж болохгүй. Түүнийг харсан биеэ үнэлэгчийг Жюл гэдэг, тэр Цөлийн Хаадын Игуана уушийн газарт байж байгаа. Би яг одоо тийшээ явж түүнтэй ярилцах хэрэгтэй байна гэхэд Морлей
- Бид мөрдөгч явуулж түүнээс мэдүүлэг авч болно гэв.
- Би түүнтэй өөрөө уулзах ёстой, харин та машиныг хайж эхэлж байж болох юм
- Ямар машин? Бюк, Кадиллак, БМВ гэж хайх юм уу? гэж Морлей уурсахад
- Мэдэхгүй, Коновер өргөн чөлөөгөөр дайрсан том хэмжээтэй бараан өнгийн машин гэж хайж болохгүй юу?
- Наадах чинь дэндүү ерөнхий мэдээлэл байна.
- Бид юу ч хамаагүй ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж Райлигийн тэвчээр алдран хашгиртал уулзалтын өрөөний хаалгыг тогшин яриа зогслоо.

- Ороорой гэж Морлей хэлэхэд танил солонгорсон өнгөтэй, богино тайрмал үс хаалгаар үзэгдэн, техникийн донтон Играйн ихээхэн догдолж хөөрсөн шинжтэй орж ирэв.
- Миний Уберийн бурхан тэнгэр харж үзсэн юм шиг байна гэж тэр хэлэхэд
- Чамд ямар мэдээлэл байна, Игрэйн? хэмээн Морлей асуулаа.
- Мөрдөгч Пэйж, та надад манай сэжигтэн ХДХВ-н халдвар авсан байж болзошгүй гэсэн байх аа. Харин би танд хэдэн арван мянган өвчтөнгүүдээс түүнийг шүүж олох амаргүй гэж хэлж байсан. Гэтэл та надад түүнийг хууль бусаар эм ууж байж магадгүй гэж байсан. Үнэндээ таны энэ сэжиг нилээн найдвартай ч байж магадгүй юм шиг байна.

Райли хормын турш түүний сэжигтэн ихээхэн амжилттай яваа, өндөр боловсролтой хүн гэдгийг санаад ийм хүн өөрийнхөө эрүүл мэндийг нууцлахад маш их анхаарч байж болзошгүй гэдэг нь зөв хэмээн шийдэн

- Тэгэлгүй яахав, би ч бас тэгж бодож байна гэлээ.
- Би бага зэрэг хайлт хийж үзээд эмнэлгээс эмийн бүтээгдэхүүн хулгайд алдагдсан хэргийг мөрдөж байгаа цагдааг олсон юм. Тэр эмнүүдийн зарим нь ХДХВ-н эмнүүд байсан гэнэ. Цагдаагийн хэлснээр бол бид Гордол Пүүл гэдэг эмчтэй уулзах ёстой юм шиг байна. Энэ хүн цагдаа нарт энэ хулгайн хэрэг дээр тусалж чадна гэж хэлсэн төдийгүй үнэхээр хэлсэндээ хүрсэн бололтой. Тэр их зүйл мэдэж байж магадгүй гэж Игрэйнийг хэлэхэд Морлей зөвшөөрөн толгой дохиод
- Би Гордоныг мэднэ. Халдварт өвчин судлалаар мэргэшсэн маш нэр хүндтэй хүн. Тэр саналаараа бидэнтэй хэд хэдэн хэрэг дээр хамтран ажиллаж байсан. Пэйж, Жеффрис та хоёр яг одоо түүнтэй уулзаж ярилц. Би түүн рүү залгаад та хоёрыг очиж байгаа гэж хэлье гэхэд
- Тэгвэл ч сайн байна шүү гэж Билл зөвшөөрлөө.
- Бас би мөрдөгч явуулж Жюлээс мэдүүлэг авхуулна гэж Морлей Райлид хандан хатуу хэлэв.

Райли эсэргүүцэл үзүүлэх гэснээ болиод хаалгаар гарлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: May.09.18 12:53 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
баярлалаа, Цэкө, хэрэг явдал ч өрнөж байна дөө


Top
   
PostPosted: May.09.18 2:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Баярлалаа :cheerleader:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: May.10.18 6:46 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: May.02.18 9:36 pm
Posts: 7
Одоо ч баригдах байхаа.. баярлаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 630 posts ]  Go to page Previous 121 22 23 24 25 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited