Манай энд бороод ороод...гэхгүй юу, хаха. Аймаар тэнэг шалтагтай тэ?
ХОРИН ДОЛДУГААР БҮЛЭГ Маргааш өглөө нь хамтдаа өглөөний цай ууж суухдаа Райли Билл хоёрын хэн хэн нь бараг үг дуугарсангүй, хачирхалтай чимээгүй байцгаалаа. Райли энэ эвгүй байдал хаанаас үүдэлтэйг ойлгож ядан байв. Мэдээж тэр хоёр урд шөнө алуурчныг барих гэсэн бүтэлгүй оролдлогоосоо болж сэтгэлээр унасан байсан ч үүнээс гадна яг тэр гэж оноож нэрлэхийн аргагүй өөр нэг юмнаас болж ингэж чимээгүй сууцгааж байгааг тэр анзаарлаа.
- Бид түүнийг заавал барьж авна. Опалын надад дүрсэлснээр бол түүнд тодорхой сул талууд бий гэж эцэст нь Билл арайхийн дуугарав.
Райли Билл тэр хоёр алуурчныг алдан, машиндаа буцаж ирэхэд дотор нь хөгширч яваа янхан сууж байсныг санаад юм хэлсэнгүй. Райлиг уушийн газар ажиллаж байх үед Билл түүнтэй энэ хэргийн талаар ярилцсан бололтой агаад Биллийн хэлснээр бол энэ Опал гэгч эмэгтэй хэнд юу ярихаа мэддэг гярхай нэгэн аж.
Гэсэн ч Райли өчигдрийн бүтэлгүйтэлдээ харамсаад барахгүй байлаа. Түүний биеэ үнэлэгчийн дүрд хувилах гэсэн ядмаг оролдлого нь бүтэлгүйтсэн төдийгүй гурван эмэгтэйг урдуур нь хөндөлсөхөд яаж ч чадахгүй байсаар сэжигтнийг алдаж орхисон. Бас Руди болон хэд хэдэн биеэ үнэлэгчдийн хэлж өгсөн тодорхойлолтонд олон ачааны жолооч нар тохирч, Билл дэлгүүрээс хэд хэдэн бүлэг хүмүүс гарч явахыг харсан ч сэжигтэй гэмээр хүн дундаас нь олж чадаагүй.
Мэдээллээс үзвэл Т.Р. цагаан арьстай, булчинлаг гэмээр төрхтэй, дундаж өндөртэй нэгэн агаад гучин таваас тавь орчим насны, ихэвчлэн саравчтай малгай өмсдөг ажээ. Зарим эмэгтэйчүүд түүнийг урагш налуулан самнасан өтгөн шаргал үстэй гэсэн боловч Рудигийн нууц камерт түүнийг гэчихмээр тод ганц ч дүрс байхгүй байв. Хамгийн гол нь тэдэнд энэ эрийг янхнуудыг залхаадаг нэгэн гэдгээс өөр ямар ч сэжиглэх үндэс олдохгүй байлаа.
Энэ бүгдээс долоон дор ичгүүртэй явдал бол Морлейг шөнө дунд сэрээж муу мэдээ дуулгасан утасны дуудлага юм.
Гэтэл өнөө өглөө Билл Райли руу хачирхалтай харцаар ширтэж, тэр үүнийг нь юу гэж ойлгохоо мэдэхгүй байлаа. Иймд тэр кофеноосоо дахин нэг балгаад тархин дахиа цэгцлэхийг оролдож байтал гэнэт Билл ширээн дээгүүр гараа явуулж түүний гаран дээр тавиад
- Бид түүнийг барина. Би үнэнээсээ хэлж байна Райли гэв.
Райли түүний энэ үйлдлийг зүгээр нэг тайвшруулах оролдлогоос илүү өөр юм гэдгийг ойлгосон төдийгүй хэрэвзээ өөр цаг мөчид энэ бүхэн болсон бол тэр үүнийг нь хүлээн авах байсан ч байж мэднэ. Гэвч одоо бол тэр ийм зүйл огтхон ч хүсэхгүй, дээр нь ааш муутай байлаа.
- Билл, гартайгаа үлдээмээр байвал савраа эртхэн тат
Гэвч Билл савраа татсангүй, харин ч инээмсэглэж
- Боль л доо Райли
- Юу боль гэж? хэмээн Райлиг архирахад Билл гарыг нь зөөлхөн атгаж нүд рүү нь эгцлэн ширтэв.
Ямар ч эргэлзээгүй Билл түүн рүү хандарч байгаа нь энэ. Түүний энэ үйлдэл хэдэн сарын өмнө Райли согтуу байхдаа утсаар хандарч байсан шиг ичгүүргүй, улаан цайм биш ч гэлээ андуурах арга байсангүй.
"Яагаад заавал одоо гэж?" хэмээн Райли гайхширсан ч гэнэт өчигдөр тэд сэжигтнийг алдсаныхаа дараа уулзахад Биллийн түүн рүү харж байсан харцыг саналаа. Тэр үед Райли үүнийг нь огт тоогоогүй боловч одоо бол түүнд тун онцгүй санагдаж байв.
- Чи намайг урд орой юу өмсөж, яаж аяглаж байснаас болж ингэж байгаа юм байна гэж Райли дүгнэхэд Билл бага зэрэг улайн, харин Райли бодлыг нь яг тааснаа мэдээд гарыг нь түлхэн холдууллаа.
- Би янхан шиг харагдаж байсан болохоор чи надад татагдсан байна. Өндөр өсгийт, нүцгэн арьс дотрыг чинь халаагаа юу?
- Тэгсэн бол юу гэж? гэж асуух Биллийн үгийг сонсоод Райли чихэндээ ч итгэсэнгүй.
- Тэгсэн бол юу гэж гэв үү? Билл, сая юу гэж хэлснээ нэг бод доо!!
- Өчигдрийн үйлдлээс гадна өөр зүйлээс болсон гэдгийг чи өөрөө мэднэ шүү дээ. Би чамд үргэлж татагддаг байсан. Би ч ганцаараа ингэж бодсон хүн нь биш байх. Чи бид хоёрын дунд үргэлж л ямар нэгэн болоод байдаг байсан. Тийм болохоор одоо хоёулаа худлаа жүжиглэхээ больё.
Райли түүний хэлж байгаа үнэн болохыг мэдэж байсан ч хажуугаар нь ой нь гутаж байх шиг. Түүний санаанд яагаад ч юм эмэгтэйчүүдийг хүн гэж үздэггүй Жэйбюрд, Калвин Рабб нар гэнэт орж ирэв. Арай Билл тэдэнтэй адил юм санааныхаа мухарт тээж, эмэгтэйчүүдийг бэлгийн хүслээ хангах эд гэж бодож явдаг юм биш биз? Эсрэг хүйстнээ сонирхдог бүх эрчүүд ийм гэж үү?
- Би чамтай адил зүйл бодохгүй байна гэж Райли эцэст нь шийдмэг дуугарлаа.
- Чи хэтрүүлээд байгаа юм биш үү?
Райли юу юугүй өөрийгөө огтхон ч хэтрүүлээгүй гэдгээ батлахаар урт удаан лекц унших гэж байтал утас нь дуугарч, Эприл залгаж байв.
- Сайн уу үр минь. Юу болоо вэ? хэмээн асуутал охин нь мэгшин уйлах нь сонсогдлоо.
- Би түүнийг харсан хэмээн Эприл уйлав.
- Хэнийг харсан гэж?
- Петерсон. Тэр амьд байна. Тэр над руу хараад, намайг шууд таньсан.
Райлигийн зүрх савлаж эхэллээ.
- Юу болоо вэ? хэмээн Райлигийн царай хувьсхийхийг анзаарсан Билл асуув.
Райли хариу хэлсэнгүй, Эприлтэй хүний чих хүрэхээргүй газар ярихаар ширээнээс босч, ресторанаас гараад өрөөндөө орж ирлээ.
- Эприл, энэ боломжгүй шүү дээ.
Мэдээж энэ ямар ч боломжгүй. Райли энэ бүхэн өчигдөрхөн л болсон мэт бүгдийг нэг бүрчлэн санаж байлаа. Эприл өөрийн гараар Петерсоныг буудаж, Райли гартаа барьсан чулуугаар түүний толгойг хэмх нүдсэн билээ. Эцэст нь түүний нүднээс амьдралын оч замхран одож, нүүрийг нь голын ус угаасан. Гэсэн ч тэр Эприл түүнд Петерсоныг үхсэн гэж хэлэх хүртэл үүнд итгээгүй...
"Ээж, тэр үхчихсэн байна" Петерсон үнэхээр үхэж, Райли Брент Мередитийн өрөвч сэтгэл, хянуур байдлын ачаар өөрийнхөө хийсэн үйлдэлд тэгтлээ их харамсахаа больсон билээ. Гэвч түүнээс гадна Эприл ч бас хүнд цаг үеийг туулж ядан байгааг Райли мэдэж байлаа. Райли өөрөө хүртэл өнгөрсөн орой Игуана Уушийн газарт байхдаа өнгөрснийг өөрийн эрхгүй дурсаж, харанхуй тор, галт бамбарын талаар хар дарсаар л байгаа шүү дээ.
Эприл утасны цаана эхэр татан уйлсаар л.
- Бид аяллын автобуснаасаа буугаад явж байсан. Гэтэл тэр гудамжинд зогсоод над руу харсан. Над руу хараад инээхэд нь би намайг алах гэж байгааг нь мэдсэн. Ээж ээ, надад туслаач.
"Надад туслаач" гэсэн хоёрхон үг Райлигийн зүрхийг ёгхийн хатгалаа. Петерсон үхсэн эсэх нь хамаагүй, Эприлд ээж нь юу юунаас хэрэгтэй байна гэдэг л чухал. Гэтэл тэр энд, улсын нөгөө захад байж таардаг.
- Чи аав руугаа залгасан уу? Аав чинь өдийд Д.С-д байх ёстой доо.
- Үгүй ээ, би үнэндээ түүний талаар санасангүй.
Райли Эприл эцэг рүүгээ залгах ямар ч шалтгаангүй гэдгийг ойлгоод санаа алдав.
- Ээж ээ, надад туслаач. Та надад хэрэгтэй байна.
Райли үнэндээ охиноо яаж тайвшруулахаа мэдэхгүй байв. Эприл түүнийг Финикст байгааг мартсан бололтой байсан ч Райли үүнийг охиндоо хэлж улам зовоохыг хүссэнгүй.
- Багшдаа утсаа өг дөө гэж эцэст нь Райли хэлэхэд хормын дараа утасны цаана өөр хоолой сонсогдож
- Лорна Кулвер ярьж байна. Та Эприлийн ээж мөн үү?
- Тийм ээ, намайг Райли Пэйж гэдэг.
Утсаар ярьж буй эмэгтэй ихээхэн бухимдаж, тэвдсэн бололтой
- Хатагтай Пэйж, би яахаа ч мэдэхгүй байна. Тэр хормын өмнө аяглаж байснаасаа арай тайвширсан ч яг одоогийн байдлаар бол хийрхэж байна. Та энд яг одоо ирэх хэрэгтэй байна.
- Би чадахгүй нь. Би Аризонад байна.
- Ямартай ч би түүнийг яг одоо зочид буудал руу авч явах гэж байна. Гэхдээ түүнийг ийм байдалтай байхад нь би харж хандаж чадашгүй нь гэж эмэгтэйг хэлэхэд Райли золтой л түүн рүү хашгирчихсангүй.
"Харж хандаж чадахгүй гэнэ үү. Энэ чинь тэрний ажил биз дээ?" Гэвч тэр биеэ барьж, өрөөндөө ороод
- Надад утасныхаа дугаарыг өгөөч гэж асуугаад эргүүлэн хатагтай Кулверт өөрийнхөө дугаарыг өгөв.
- Би Эприлийн аав руу яриадахъя гэж тэр хэлээд утсаа тасаллаа.
Тэр Райян руу залгаж байхдаа санаа нь зовж, тасралтгүй нааш цааш холхиж эхлэв. Эцэст нь түүний хуучин нөхөр утсаа авахад арайхийн тайвшран амьсгаа авахтайгаа боллоо.
- Сайн уу Райли. Чамаар юу байна даа? Удаан холбоо барьсангүй шүү гэж Райян дуугарахад Райли уйлахгүй гэж хамаг хүчээ дайчлах хэрэг гарав.
- Райян, Эприл Вашингтонд байгаа. Тэр гэмтлийн дараах сэтгэцийн хямралд өртөөд байна. Нөгөө Петерсоны үйлдсэн аймшигтай хэргээс болж... хэмээн яритал Райян түүнийг яриаг таслан
- Хүлээгээрэй, жоохон удаан ярь даа. Тэр Вашингтонд юу хийж яваа юм?
- Райли орны ирмэг дээр суун уртаар аажуухан амьсгаа аваад
- Тэр танилцах аяллаар явж байгаа юм. Вашингтонд өнгөрсөн Бямба гаригт очсон, бүтэн долоо хоног болох ёстой хэмээн чадлаараа удаан, болгоомжтой тайлбарлалаа. Тэр араас нь
"Хэрвээ чи охиноо өчүүхэн ч болов хайхардаг байсан бол үүнийг мэдэж байх байсан" гэж хэлэхийг хүссэн ч хэлээ хазав. Тэгснээ
- Тэр өөрийг нь хулгайлсан Петерсоныг харсан гэж бодоод байна. Тэр мэдээж хараагүй, Петерсон үхсэн. Гэхдээ энэ бол ноцтой асуудал, Райян. Би ч гэсэн гэмтлийн дараах сэтгэцийн хямралд өртөж байсан, үнэхээр аймшигтай зүйл. Чи түүнд туслах хэрэгтэй байна гэв.
- Яагаад би гэж? Чи яагаад болохгүй гэж?
- Яагаад гэвэл би Финикст байна Райян. Аризонад байдаг Финикс. Би хэрэг дээр ажиллаж байгаа, шууд очиж үнэхээр чадахгүй нь.
- Би тэгвэл Филаделфияд шүүхийн хэрэг дээр ажиллаж байна. Би ч гэсэн очиж чадахгүй.
Райлигийн хоолой уурласандаа чичирч
- Чи очиж чадна Райян. Чи тэнд цагийн дотор л нисээд оччихно. Эсвэл гурван цагийн дотор л давхиад оччихно. Гэтэл би эндээс тийм хурдан явж очих чадахгүй, үнэндээ очих арга ч алга хэмээн бачимдлаа.
Одоо харин Райян Райлигийн өмнө нь мянган удаа сонссон биеэ өмөөрсөн дуугаар ярьж эхлэв.
- Энэ бол чиний хариуцах зүйл шүү Райли. Түүний ийм юм туулж байгаа нь чамаас болсон, чиний ажлаас болсон. Чи л түүнийг ийм хэрэгт хутгалдуулсан. Чи гэртээ суугаад охиноо харж, сайн ээж байж чадаагүй. Чи л Д.С рүү яг одоо нисч очих ёстой. Энэ миний асуудал биш.
Райли утасны цаанаас түмэн хараал урсгах хүслээ арайхийн дарж юу ч хэлсэнгүй.
- Чи миний хэлснийг дуулав уу Райли?
Райли энэ хүнд жинхэнэ үнэнийг харуулж яагаад ч чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Тэр үргэлж л өөрийнхөө хэлснийг туйлын зөв хэмээн итгэж, өөрийнхөө ажлыг өдөр тутмын амьдралаас дээгүүр тавьж ирсэн. Түүний ажил л амжилттай байж, баян үйлчлүүлэгчдээ улам баяжуулах хэрэгтэй болохоос тэр хэзээ ч мангаснуудтай хөөцөлддөг Райлигийн ажлыг өөрийнх шигээ чухал гэж үзэж байсан удаагүй.
- Райли? Чи намайг сонссон уу?
Райли Эприлд өөр ямар нэгэн аргаар туслах хэрэгтэй боловч одоо бол дэмий цагаа гарздаж байгаа хэрэг тул тэр утсаа таслав.
"Энэ новштой дахиж холбогдохгүй л бол юугаа ч өгсөн хамаа алга" гэж тэр зэвүүцэн бодсон ч бодит үнэн гэвэл Райян түүний хамгийн эмзэг цэгийг, үргэлж харуусч явдаг тэр газрыг яг оносон байжээ. Хэрэв Райли хэзээ ч мөрдөгч болоогүй байсан бол Райян, Райли, Эприл тэр гурвын амьдрал хавьгүй дээр байх байсан болов уу? Гэвч тэр гэртээ суудаг ээж байсан бол үнэндээ хэн болж хувирах байсан бол? Нууцаар үргэлж согтуурхаж явдаг гэрийн эзэгтэй нарын нэг үү? Хэрэв тэгсэн бол энэ үнэхээр амьдрал гэж үү?
Хамгийн гол нь Райли ийм болно гэж төсөөлөө ч үгүй явдал байлаа. Тэр өөрөө өөртөө Эприл үүнийг давж гарсан гэж итгүүлсэн ч өөрийнхөө ямар зүйл туулснаа бодвол арай хариуцлагатай байх байж. Яаж ч бодсон Эприл ийм богинохон хугацаанд хэрхэн хулгайлагдсан, бүр эсвэл өөрийн гараар төрсөн эхийгээ хүн хөнөөхөд тусалснаа мартаж, тэр үеийн зовлон шаналалыг давж гарах учиргүй. Яг энэ бодолтой зэрэгцэн Райлигийн тархинд түүний найз Мэри Сэйлс хэрхэн унтлагын өрөөнийхөө гэрлийн бүрхүүлээс өөрийгөө дүүжлэн амин хөнөөсөн байсан дүр зураг орж ирэн ам нь тэр гэнэт хатлаа. Мэри ч бас Петерсонд хулгайлагдсан нэгэн байсан агаад тэр тамлан зовоогчоос айх айдас нь л түүнийг амиа хорлоход хүргэсэн билээ. Райли түүнтэй утсаар ярьж, Петерсон үхсэн гэдэгт итгүүлэхийг цөхрөлтгүй хичээсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй.
"Чи түүний биеийг нь хөнөөсөн байж болох ч ад зэтгэрийн санааг нь устгаж чадахгүй" гэж Мэри амиа хорлохын яг өмнө түүнд хэлж байжээ.
Харин одоо Эприл Мэритэй яг адилхан сэтгэлийн зовлон, цөхрөл эдэлж, айдсаасаа салахын тулд юу ч хийж магадгүй байгааг Райли ойлголоо. Түүнд учирч болох хамгийн том аюул нь тэр өөрөө болчихжээ.
Энэ үед хаалга тогших дуулдаж, Райлиг хаалга нээхэд Билл үүдэн дээр зогсож байв.
- Райли чи зүгээр үү?
Райли ердөө хэдхэн хормын өмнө түүнд уурлаж байснаа, тэр байтугай юунаас болж уурлаж байснаа ч мартаад, зөвхөн түүнийг энд байгаад үнэн голоосоо баярлалаа.
- Орооч Билл, Эприл гэмтлийн дараах сэтгэл санааны хямралд өртчихжээ.
Билл ойлгосон шинжтэй толгой дохиход Райли түүнд Эприл юу туулсныг ярих шаардлагагүйг ойлгон
- Билл, би яахаа мэдэхгүй байна. Райян очихгүй гэнэ. Би энд, Эприлээс мянган бээрийн зайд гацчихаад байдаг гэлээ.
- Майк Невинс яалаа?
Райлид ердөө нэрийг нь дуулах төдийд л итгэл найдварын оч гялалзах шиг санагдав. Нээрээ түүний өөрийнх нь гэмтлийн дараах хямралыг даван туулахад тусалсан шүүхийн шинжилгээний сэтгэл судлаачаас өөр хэн байх билээ дээ.
- Нээрээ тийм шүү дээ гэж Райли Биллийг энэ нэрийг санасанд нь талархан дуу алдав. Тэр ийм хамгийн энгийн хариултыг хүртэл бодож олохгүй чадалгүй болтлоо тэвдсэн байжээ. Түүнийг Майк Невинсийн дугаар руу залгахад удаж төдөлгүй танил болсон, тайтгаруулам сайхан хоолой сонсогдлоо.
- Райли юу?
Райли түүнийг утсаа авсанд нь талархаад баршгүй байв.
- Майк, надад туслаач. Эприл Вашингтонд хичээлтэй холбогдолтой аяллаар явж байгаа, гэтэл дөнгөж сая гэмтлийн дараах сэтгэл хямралд өртчихлөө. Тэр Петерсоныг харсан гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй өөрийг нь алах гэж байна гэж бодож байсан.
- Тэр ямархуу байна?
- Мэдэх юм алга. Багш нь юу хийхээ мэдэхгүй байх шиг байсан. Райян өөр хотод ажлаар явж байгаа, би өөр хэнд хандахаа ч мэдсэнгүй.
Хормын төдийд утасны цаана чимээгүй болсноо Майкийн нэгэн жигд, өөртөө итгэлтэй хоолой дахин сонсогдож
- Чамд багшийнх нь утасны дугаар байгаа юу? гэж асуулаа.
- Тийм ээ, байгаа.
- Надад багшийнх нь утасны дугаарыг, охиныхыгоо ч гэсэн өгчих. Би тэдэнтэй холбоо бариад Эприлийг байгаа газраас нь очиж авъя. Тэр хооронд чи энд хурдхан ирсэн чинь дээр.
Райли юу хэлэхээ мэдэхгүй хэсэг тэвдсэнээ эцэст нь арайхийн
- Баярлалаа, Майк, үнэхээр их баярлалаа гэснээ утасны дугааруудыг өгмөгц утсаа салгав.
Билл сандал дээр сууж, харин Райли нааш цааш холхисон хэвээр л байлаа.
- Би яг одоо онгоцонд суух хэрэгтэй байна.
- Тэгэлгүй яахав, би Морлейд хэлчихье
- Хэрэггүй ээ, би түүн рүү өөрөө залгаж хэлнэ.
Билл санаа зовсон шинжтэй толгойгоо сэгсрэн
- Райли, наадах чинь ч...
- Энэ бол миний хариуцах асуудал шүү дээ Билл. Энэ бүгд миний хариуцах ёстой зүйлс. Би түүн рүү яг одоо залгаж хэлнэ.
- За за, тэгвэл би интернетээр чамд хамгийн ойрын нислэгийн тасалбар захиалж байя.
Райли зөөврийн компьютерээ Биллд асааж өгөөд өөрөө хэрэг хариуцсан тусгай мөрдөгч Элжин Морлей залгаж, утасны цаана ярих хүнийх нь уцаартай дуу сонсогдмогц одоо болох яриа амаргүй даваа болохыг ойлголоо.
- Мөрдөгч Морлей, би Финиксээс явах хэрэгтэй байна. Би Вашингтон руу яг одоо нисэх хэрэгтэй байна.
- Чи яана гэнэ ээ? гэх Морлейн хоолой түүнийг илт хардаж сэрдсэн шинжтэй сонсогдов.
- Охин маань мэдрэлийн хурц хямралд өртчихөөд байна. Надад танд бүгдийг тайлбарлах цаг яг одоохондоо алга, гэхдээ энэ үнэхээр ноцтой асуудал болоод байна. Би охин дээрээ очих хэрэгтэй байна.
- Тэгвэл бидэнд ч бас чи хэрэгтэй байна. Эндэхийн алуурчин гадуур сул чөлөөтэй хэрэн тэнэж, одоо биш юм аа гэхэд тун удахгүй дахин нэг гэм зэмгүй хүнийг хөнөөх гэж байна. Би лав чамд ажлаа хаяад явах зөвшөөрөл өгөхгүй, чи хаашаа ч хөдлөлгүй яг одоо ажлаа хийх хэрэгтэй, мэдэв үү!
Райлигийн мэдрэл дээд цэгтээ хүртэл хөвчирчээ.
- Би танаас явах зөвшөөрөл огт гуйгаагүй, би дараагийн онгоцоор нисэх гэж байна.
- Мөрдөгч Пэйж, онгоц руу нэг алхам ойртох тухай бодсон байгаад үзээрэй. Танай хамтрагч та хоёр өчигдөр орой нууц ажиллагааг балласан чинь хангалттай шүү.
- Би чадахаараа хурдан эргэж ирнэ ээ гэж Райлиг хэлэхэд
- Үгүй шүү, ёстой тийм юм байхгүй. Ирнэ гэж санахын ч хэрэггүй. Хэрэв чи одоо байрнаасаа алхам л хөдөлвөл би Мередит рүү утасдаж чамайг энэ хэргээс зайлуулах болно. Тэгж яривал чи бүр Товчоонд дахиж ажиллахгүй ч байж мэднэ шүү гэж Морлей сүрдүүлэв.
Энгийн үед бол Райли ийм сүрдүүлэг сонсоод дүрсхийн уурлахаар байсан ч яг одоо бол энэ зэргийн асуудалд санаа тавих мэдрэлийн сул чөлөөтэй эд эс ч түүнд алга байлаа.
- Би таны хэлснийг ойлголоо гэж тэр хэлээд утсаа таслах үед Билл дэлгэцэн дээр гарч ирсэн мэдээллийг нарийвчлан харж байснаа
- Би зогсолтгүй нисэх нислэгийн тийз захиалчихлаа. Гэхдээ хурдлахгүй бол цагийн дараа нисэх нислэг байна гэв.