#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.23.17 6:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 115 16 17 18 19
Author Message
PostPosted: Nov.12.17 1:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
:cheerleader: :cheerleader:

Баярлалаа. Цэко даруухан загнаад л би чамайг мэднэ шүү ккк. :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.12.17 3:33 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2982
zia huleegel bjiyda :)

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Nov.13.17 11:59 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
ашгүй Наран маань ирж, бас дахиад нэг орчуулагчтай ч боллоо, сонирхолтой номнуудыг ч бөөндөх нь дээ, баярлалаа


Top
   
PostPosted: Nov.13.17 4:49 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 250
Keep it up! Cant wait :) Thanks Naran

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Nov.14.17 1:12 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Бүлэг 39

Мөрдөлтийн ажилд тус болох нэг сэжүүр гарлаа гэсэн мэдрэмж Райлид төржээ. Гэхдээ яагаад ийм мэдрэмж төрснийг тэр өөрөө мэдэхгүй байлаа. Тэд ирсэн мэдээллүүдийг шүүж үзсэний эцэст одоо явж байгаа замаа сонгож авчээ. Билл жолоо барьж явах бөгөөд тэд Албани хотоос чанх урд зүгийг чиглэн явж байлаа.
Өчигдөр Эжин Фиск оршуулгын газраас зугтсаны дараа, мөн олон нийтэд тараасан мэдээг уншсан хүмүүс утсаар мэдээлэл өгөхөөр холбогджээ. Мөрдөгчид, цагдаа нар үнэмшилтэй сонсогдсон газар бүрт очиж үзэхээр тарж одоцгоосон. Албаныгаас өмнө зүгийг чиглэсэн хурдны замын дагуу газруудаас машолон мэдээлэл ирсэн учраас Билл, Райли, Люси гурав энэ чигт явж үзэхээр шийдсэн ажээ.
- Коллэвэйгээс бид хэр хол явж байна? гэж арын суудал дээр сууж явсан Люси асуулаа.
Райли эргэж харвал Люси гар утсандаа ирсэн зурвасыг уншиж суугаа харагдав.
- Бид дөнгөж сая Коллэвэй руу салдаг замыг өнгөрчихлөө, гэж Биллийг хариулахад Люси
- Бид эндээс эргэж тийшээ очих хэрэгтэй гэж хэллээ.
Билл шалтгааныг нь лавлаж асуусан ч үгүй хурдаа удаашруулснаа машинаа эргүүлэв. Түүнийг цаашаа давхиж явах зуур Люси контороос хүлээж авсан зурвасаа тэд нарт тайлбарлаж өглөө.
- Нэг галзуу эр зам дээр машиных нь урд гэнэт хөндөлдөж гарч ирсэн гэж Коллэвэйд амьдардаг нэг хүн хэлсэн байна. Гарч ирсэн машин Жюнигийн цэцэгс гэсэн нэртэй компанийн тэмдэгтэй цагаан өнгөтэй бага оврын автобус байсан байина. Машины холооч автобусны жолоочийн царайг сайн харсан бөгөөд тэр бидний хайж байгаа хүн гэдэгт маш их итгэлтэй байжээ. Автобус хуучин усан зогсоол руу явсан гэнэ. Одоо тэр газраас хол байхыг хотын хүн бүрт анхааруулсан байна.
Райлигийн зүрхний цохилт хурдсаж ирлээ. Тийм ээ, энэ тэр мөн. Эжин Фиск машиныхаа гадна төрхийг өөрчилж мэднэ гэдгийг Албани дахь албан конторт ажилладаг бүх хүмүүс гадарлаж байсан.
- Люси, бидний тийшээ очиж байгааг тэд нарт зурвасаар мэдэгд, хэмээн хэлснээ Билл саяхан өнгөрч явсан салаа зам руу ороод
- Бидэнд бас нэмэлт хүч хэрэг болж магадгүй. Райли одоо бид хаана явж байгааг шалгаж үз гэлээ.
Райли гар утсан дээрх газрын зургаа харснаа
- Бид зөв замаар явж байна. Зам Коллэвэйг огтолж гараад усан зогсоол руу шууд хүрдэг юм байна. Тэнд зам дуусна. Хэрвээ Эжин Фиск тийшээ явсан бол тэр зөвхөн энэ замаар буцаж гарна, гэж хэлэв.
Билл хаазаа тултал гишгэж, дохиогоо хангинуулан давхисаар хотын захад хүрч ирээд хурдаа хаслаа. Гэрийнхээ гадаа зогсож буй хэдэн хүмүүс тэдний давхиж өнгөрөхийг сониучирхсан харцаар харж зогсоно. Тосгоны нөгөө захад цагдаагийнхан аль хэдийн ирээд хаалт босгосон харагдана. Билл тэд нарт таних тэмдгээ харуулсанд цагдаа нар гар даллан тэднийг саадгүй өнгөрөөлөө. Билл хурдаа дахин нэмж, хэдэн минутын дараа тэдний урд усан зогсоолын бараа харагдсанд тэрбээр машинаа зогсоож, дохиогоо унтраав.
Райлигийн зүрх маш хурдан цохилж байлаа. Өргөгч цамхагтай төсөөтэй төмөр байгууламжийн дэргэд цэцгээр чимэглэж, Жюнигийн Цэцэгс гэсэн нэр бүхий тэмдэг наасан цагаан өнгийн автобус зогсож байв. Мөрдөгчид машинаасаа ухасxийн бууж, автобусанд ойртлоо. Билл автобусанд хамгийн түрүүнд хүрч ар талын хаалгыг нээв.
Шалан дээр нэг эмэгтэй номхруулагч цамц, гинжинд хүлээстэй биеэ хураан хэвтэж байлаа. Тэр эмэгтэйн нүүр амыг нь гинжээр дарж ороосон байх агаад тэрбээр нүдээ нээж, өрөвдөлтэй ёолов.
Тэр ашгүй амьд байна, хэмээн санаа нь амарсан Райли дотроо бодлоо. Тэд энд амжиж иржээ. Гэвч энд Эжин Фискийн бараа харагдсангүй.
- Люси, эмэгтэйд санаа тавь. Билл бид хоёр түүнийг эрж олъё, гэж Райли хэлээд орчныг тандаж харахаар автобусыг тойрч явах гэтэл Билл
- Райли! хэмээн дуудлаа.
Райли эргэж харвал Билл түүнийг шийдэмгий боловч нухацтай харж зогсох бөгөөд
- Энэ хүн бол Петерсон биш гэдгийг санаарай гэж хэлэв.
Райли эхлээд түүний хэлснийг ойлгосонгүй
- Юу гэнэ ээ? гэж асуулаа.
Билл нүдээ жартайлгаад
- Тэр Петерсон биш, гэж үгээ зөөж аажуухан хэлэхэд тэр өөрт нь юу хэлэх гэснийг Райли сайн ойлгов. Петерсонд хэрэглэсэн тэр асар их хүч чадал өш хонзонгоо авах зорилготой байсан. Гэвч Райли Петерсонд тамлуулж байсан гэсэн шалтгаанаар биш ч гэлээ албан газар нь түүнээс энэ талаар тодруулж асуугаагүй ажээ. Одоо харин нөхцөл байдал өөр. Тэр Эжин Фискийг амьдаар нь барих ёстой.
Тэр хоёрыг хамтарч ажилладаг байхад эгзэгтэй мөч тохиолдох бүрт Билл түүнд шуудхан ингэж анхааруулж хэлдэг байсан. Тэдний харьцаа муудсан үед Райли түүний энэ анхааруулгыг их үгүйлж байсан билээ.
- Би ойлгож байна, хэмээн тэр Билл хэлэв.
Райли, Билл хоёр буугаа гаргаж бэлэн бариад автобусыг тойрч алхлаа. Ус дуслах чимээ сонсогдоно. Энд алуурчин шигүү ургасан мод, бяцxан довнуудын араар нуугдах боломжтой ажээ. Тэд алуурчинд ойртсон гэдгээ Райли сайн мэдэж байв. Тэрбээр зүүн гар талд харагдах моднуудын зүг алхаж, харин Билл баруун тийшээ явлаа.
Шалгасан газар нь алуурчин нуугдаагүйг мэдэх мөчид гэнэт
- Би түүнийг харлаа, хэмээн Люсигийн чангаар орилох дуу сонсогдов.
Райли эргэж харвал Люси гар буугаа барин автобуснаас холдож, усан зогсоолын тавцанг чиглэн гүйж яваа харагдлаа. Аймшигтай харагдах бяцxан эр хуучин төмөр байгууламжийн дэргэд зогсож байв.
- Зогс! хэмээн Люси тэр эр лүү хандаж хашгираад буугаа өргөн
- Гараа өргөж харуул! гэж хэллээ.
Эжин дороо зогсож, гараа толгой дээрээ өргөн эргэж харж зогсов. Тэр нэг гартаа урт гинж атгасан харагдана.
Райли мөн адил буугаа бэлэн барьсан хэвээр түүнд дөхөж очлоо. Алуурчныг ямар нэг хүч хэрэглэх шаардлагагүйгээр амархан барих нь хэмээн бодсон тэрбээр санаа нь амарчээ. Петерсонтой ту;гарах үед тохиолдсонтой адил зүйл энд болохгүй бололтой.
Люси Эжинийг эгцэлж харсан хэвээрээ тавцан дээр гарч ирлээ. Гэнэт хэдхэн алхмын дараа Люсигийн хөл доорхи өмхөрч муудсан модон тавцан цөмөрч тэр хөдөлж чадахгүй гацчихав.
- Чөтгөр аваг! хэмээн түүнийг хараах мөчид Эжин оршуулгын газар дээр хурдан шаламгай хөдөлж байсны нэг адил нүд ирмэхийн зуур Люси руу ухасxийн хүрч ар нуруунаас нь барьж авлаа. Тэрбээр Люсигийн хүзүүг гинжээр ороож, халааснаасаа сахлын хутга гаргаж ирэв. Эжин хутгаа тэнийлгэн Люсигийн хоолойд тулгаж барилаа. Люси өвдөлтөөсөө болж цараайгаа үрчийлгэсэн харагдана. Эжин үг хэлэхээр оролдох үедээ их тэвдсэн нь мэдэгдэж байлаа.
- Орхи..., орхи...
Тэр буугаа доош нь буулга гэж хэлж байгааг Райли тэр дор нь ойлгожээ. Райли ийм юм болно гэж огтхон ч төсөөлөөгүй билээ. Эжин Люсиг цөмөрсөн модон тавцангаас чирж гаргах үед Люси өвдсөндөө тэнхээ мэдэн ориллоо. Тэр Люсиг эрэг рүү явахыг тушаав. Люсигийн шагай мултарсан бололтой харагдана.
- Орхи..., намайг орхи...
Гинжтэй алуурчин Люсиг барьцааны хүн болгон автобусандаа хүрч, тэндээс зугтах гэж байгааг Райли ойлгожээ, Биллийн дуу дэргэд нь гарлаа. Тэрбээр
- Тайван, тайван, хэмээн Эжинд хандаж хэлээд
- Чи эндээс зугтаж чадахгүй, Үүнийг чи өөрөө ч мэдэж байгаа, гэв.
Люсиг урдаа халхавч болгосон алуурчныг бууныхаа овоо хараанд авах боломжгүй байгааг Райли харж байлаа.
- Орхи..., намайг орхи..., хэмээн Эжин давтаж хэлэв. Тэр одоо эрэг дээр гарч ирээд барьцааныхаа хүний хамт ар нуруугаараа ухран унаа руугаа дөхөж байлаа. Билл Райлигийн дэргэд Глок буугаа өргөн зогсжээ.
Райлигийн толгойд нөхцөл байдлыг хэрхэн гартаа авах талаар олон янзын хувилбар үсчиж байлаа. Тэр нэг зүйлийг маш тодорхой мэдэж байв. Эжин сахлын хутгаар дэмий нэг сүрдүүлээгүй. Тэр урьд нь хэд хэдэн эмэгтэйн хоолойг хэрчиж байсан болохоор хэрвээ Билл тэр хоёр буруу хөдлөх л юм бол нүд ирмэхийн зуур Люсигийн хоолойг огтлох болно.
Шон Хатчер үнэн хэлжээ.
Тэр та нарын нэгийг алахад ч бэлэн байгаа.
Райли Бллд хандаж
- Билл, үгэнд нь ор, гэж хэллээ.
Билл Райлиг гайхсан харцаар харснаа буугаа буулгав.
Pайли тонгойж буугаа газар тавих үедээ
- Эжин, би буугаа энд тавилаа. Чи наад эмэгтэйгээ зүгээр явуулчих. Бүгдээрээ үүнийг тайван дуусгацгаая, гэлээ.
Гэвч Эжин толгойгоо сэгсрээд
- Ү... үгүй, хэмээн ээрч хэлэв. Эндээс зугтаж гарахын тулд Люсиг ашиглахаар шийдсэн тэрбээр барьцааны хүнээ автобус руугаа чирлээ.
Райли Эжиний нүдийг эгцлэн ширтэв. Эжин мөн адил өмнөөс нь ширтэх хэдий ч түүний харц ховсдуулчихсан мэт харагдаж байлаа. Түүний нүд товч шиг жижигхэн боловч Райли тэр нүдэн дотор Эжиний бүхэл бүтэн ертөнцийг тольдон харж байв. Тэнд хүүхэд наснаасаа эхлээд насанд хүртлээ туулж өнгөрүүлсэн бие болон сэтгэлээрээ мэдэрсэн өвдөлтүүд, өөрийгөө үзэн ядах сэтгэл бүгд багтсан ажээ.
"Тэр бол Петерсон биш" гэж Билл хэдхэн хормын өмнө хэлж байсан. Биллийн зөв гэдгийг Райли одоо бүрэн сайн ойлгожээ.
Эжин Фиск бол түүнтэй урьд өмнө таарч байгаагүй өрөвдөлтэй бяцxан араатан байлаа. Люсиг чирэн арагшаа ухарч яваа Эжиний араас Райли зай алдалгүй дагаж явснаа
- Эжин, би гинжнүүдийн талаар мэднэ гэж намуухан хоолойгоор хэлээд
- Би тэднийг бас сонсдог. Чи ганцаараа биш. Тэднийг сонсож чаддаг хүн ганцxан чи биш, би ч бас сонсдог, гэлээ.
Эжин дороо зогсчихов. Тэрбээр маш их гайхсан харагдана. Райли түүний сэтгэлийг хөндөж чадсан гэдгээ мэдлээ. Тэр Шон Хатчерын хэлж байсан бас нэг үгийг санажээ. "Түүний сэтгэл зүрх маш их шархалсан".
Би түүний шархыг хөндсөн бололтой, хэмээн Райли дотроо бодоод
- Тэд одоо юу хэлж байгааг чи сонсож байна уу, Эжин? Тэд нар ч гэсэн бүх юм өнгөрсөн гэж хэлж байна. Чи тэднийг сүүлчийн удаа гомдоосон, одоо тэд нар чамаас залхсан. Тэд ингэж хэлж байгааг би сонсож байна. Чи ч гэсэн үүнийг сонссон, гэж хэлэв
Эжиний товч шиг жижигхэн нүд томорч ирлээ. Нүдэнд нь нулимс цийлэгнэж харагдана.
- Энэ эмэгтэйг авч явахыг чинь гинжнүүд хүсэхгүй байна. Тэр гинжнүүдийн хүссэн хүн биш.
Эжин ойлгосон бололтой толгой дохилоо.
- Гинжнүүдийн төлөө юу хийх ёстойгоо чи мэдэж байгаа, гэж Райли хэлэв.
Эжин толгойгоо дахиж дохьсоноо гэнэт хутгаа өөрийнхөө хоолой руу аваачиж хөндлөнгөөр нь шууд хэрчиж орхилоо.
Райли өөрийнхөө хашгирах дууг сонсов.
Эжин хоолойгоо дарж, хахаж цацсаар газар уналаа. Люси цусанд будагдсан харагдах ч тэр алуурчны гараас амьд мэнд мултарч чаджээ. Газар унасан тэрбээр алуурчнаас холдохын тулд өнхөрч харагдана.
Райли цус алдалтыг тогтоохоор гар хөл нь таталдаж буй Эжиний дээр гарч хоолойны шархыг гараараа дарлаа. Гэвч энэ тус болсонгүй. Райли одоо юу ч хийж чадахаасаа өнгөрчээ. Эжиний нүдээ том нээсэн байх бөгөөд тэнд айдас хурсан харагдана. Хэдэн секундийн дараа тэр хөдлөхөө болилоо. Тэр үхжээ.
Райлигийн дэргэд зогсож байсан Билл босоход нь туслахаар түүнд гараа өгөөд
- Алив бос. Бид хохирогч эмэгтэйд туслах ёстой, гэж хэлэв.
Гэвч Райли босож чадсангүй. Тэрбээр
- Би түүнийг алчихлаа, хэмээн хэлээд улам тонгойж мэгшин уйллаа.
Холгүйхэн ойртон ирж яваа цагдаагийн машины дохио хангинаж сонсогдоно.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.14.17 7:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
Баярлалаа Нараан :wd: :wd: ! Бие нь гайгүй болсон уу?

Хөөрхий Эжин. Хүүхдийн багадаа авсан сэтгэлийн шарх насан туршийн амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх юм даа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.15.17 9:47 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1161
Location: In the end
Дараагийн номыг эхлүүлэхээс өмнө Наран эгч, хэтэрхий мэргэн croft нараас асуух маш гүн ухааны шинжтэй нэг асуулт байна. :laugh5: :laugh5: :laugh5:

1т номныхоо нэрийг монголоор юу гэж орчуулах вэ? Once Craved гэдгийг "Хүслэн болсон нь" ч юм уу "Тэчъядсан нь" гэх үү? Once гэдэг үг энд -магц4 ч юм уу -ингэсэн/тэгсэн хойно гэдэг утгаар орж ирээд байна уу яагаад байна? Жишээ нь би хувьдаа "Once Gone" гэдгийг нь "Алга болмогц нь" гэж, харин "Once Taken" гэдгийг нь "Хулгайлагдсан хойно нь" гэж орчуулчихмаар байгаа юм. Тэгэхээр Once Craved гэдэг нь бүр таг гацчихлаа, хэхэ.

2т номныхоо постерийг англи бичиггүйгээр хаанаас олсон бэ? Би бас монгол хаяг хадах санаатай :)

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.15.17 11:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6396
Цэко гуай нэртэйгээр нь "Хэтэрхий мэргэн жараахай" гэчихээч :razz:.

Заримдаа номны нэрийн утга гаргаж чадахгүй байгаа тохиолдолд орчуулаад явж байхад л ямар учиртай болох нь ороод ирдэг шд. Би бол нэрийг нь дараа орчуулна. Энэ зохиолын өрнөл ийм учир яг ийм утгыг гаргасан юм байна гээд.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Nov.16.17 5:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
croft wrote:
Цэко гуай нэртэйгээр нь "Хэтэрхий мэргэн жараахай" гэчихээч :razz:.

:haha:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.16.17 7:37 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1161
Location: In the end
Хаха за за. Тэгвэл маргаашнаас ганц бүлэг нэмнээ. Уншигчиддаа эртнээс сануулахад би Наран орчуулагчтай дүйцэхээргүй удаан хүн шүү. Эртнээс сэтгэлээн бариарай...хихихи

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.16.17 11:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6305
Location: Энд
:haha: Зүгээр ээ. Би ойрд угаасаа их завгүй бгаа :hihi:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.17.17 1:49 am 
Offline
¤Pearl
User avatar

Joined: May.28.12 2:30 am
Posts: 2982
mmiracle wrote:
:haha: Зүгээр ээ. Би ойрд угаасаа их завгүй бгаа :hihi:

bi ch gsn kk

_________________
:lol01:


Top
   
PostPosted: Nov.18.17 4:08 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1161
Location: In the end
За хэтэрхий мэргэн жараахай Croft-н зөвлөснөөр номны нэрийг орчуулахаа илгасаад, англи бичиггүй постер олдохгүй байгаа тул бас илгасаад, шууд гол ажилдаа оръя...нтр

БЛЭЙК ПИЭРС - РАЙЛИ ПЭЙЖИЙН ЦУВРАЛААС

3-Р ДЭВТЭР: ТЭЧЪЯАДСАН НЬ

Орчуулсан: Tseko

ЭХЛЭЛ

Жанин эргийн ойролцоо, усан дотор нэгэн бараан зүйл харах шиг болжээ. Том хэмжээтэй, бараан өнгийн тэр зүйл зөөлөн долгилох усан дотор бага зэрэг хөдөлж байх шиг санагдав. Тэр марихуантай гаанснаас нэг сороод найз залуудаа буцаан өглөө. Саяны зүйл том загас юм болов уу? Эсвэл өөр амьтан юм болов уу? Жанин толгойгоо сэгсрэн, төсөөлөлдөө автахгүй байхыг өөртөө сануулав. Айдас түүний мансуурлыг үгүй хийж орхино. Нимбо нуур бол Аризонад байдаг бусад олон нууруудын адил загас нөөцлөх зориулалттай аварга хиймэл нууруудын нэг. Энд хэзээ ч Лохх Нессийн мангасынх шиг үлгэр домог яригдаж байсан удаагүй.

Тэр Колбигийн “Хөөх, нуур шатаж байна!” гэхийг сонслоо.

Жанин найз залуу руугаа харав. Түүний сэвхтэй нүүр, улаан үс нь их үдийн наранд гэрэлтэж байх шиг харагдлаа. Тэр дөнгөж сая гаанснаас сорчихоод нуурын мандлыг тэнэгдүүхэн царайгаар ангайн ширтэж байв. Жанин хөхрөн

- Чи гэрэлтэж байна хөгшөөн. Бүр тэр чигээрээ гэрэлтэж байна гэлээ.

- Тийм үү, нуур ч бас гэрэлтэж байна гэж Колби хариулав.

Жанин эргэн Нимбо нуур руу харлаа. Тэр мансуурч арай эхлээгүй байсан ч гэлээ нуурын үзэмж үнэхээр гайхалтай харагдах ажээ. Их үдийн наран хавцлын ханыг гал улаан, алтан шаргал өнгөөр гэрэлтүүлэх бөгөөд аварга толь адил нуурын усан мандалд тусгал нь харагдана.

Тэр Нимбо гэдэг үг испаниар гэрэлт цагираг гэсэн үг болохыг саналаа. Энэ нэр нь үнэхээр зохижээ. Жанин гаансыг аваад гүнзгий сорж, марихуаны утаа хоолойг нь төөнөхийг тааламжтайгаар мэдэрлээ. Одоо удалгүй мансууралд бүрэн автах болно. Үнэхээр зугаатай хэрэг шүү.

Гэхдээ л, усан дотор байсан тэр хар юм юу юм бол доо?

"Зүгээр л гэрлийн хугарал байлгүй дээ" хэмээн Жанин өөртөө хэллээ. Тэр юм ер нь юу ч байлаа гэсэн айж байснаас зүгээр тоохгүй орхисон нь дээр. Энд бусад бүх зүйл гайхалтай төгс байна. Энэ бол Корби тэр хоёрын суух дуртай гайхалтай үзэсгэлэнтэй газар бөгөөд тэр хоёр нуурын аль нэг буланд ирж суун түр буудаллах газруудаас, бусад бүх зүйлсээс, бүх хүмүүсээс тасардаг байв. Колби Жанин хоёр энд ихэвчлэн амралтын өдрүүдээр ирдэг боловч өнөөдөр зүгээр л хичээлээ таслаад ирцгээсэн ажээ. Зуны төгсгөл алгасахад дэндүү сайхан, эндэхийн цаг агаар Финиксээс хавьгүй сэрүүхэн, таатай аж. Тэд Колбигийн хуучин машиныг сул шороон зам дээр байрлуулж орхижээ. Жанин нуурын мандал дээгүүр харах үед мансууран, ертөнцөөс тасрах мэдрэмж эхлэв. Нуур бараг л харахад хэтийдэм үзэсгэлэнтэй байсан тул тэр Колби руу харлаа. Тэр ч бас хэтэрхий үзэсгэлэнтэй харагдаж байв. Жанин түүнийг тэврэн авч үнслээ. Колби ч түүнийг хариу үнсэв. Тэр гайхалтай амттай байлаа. Түүний бүх зүйл гайхалтай харагдаж, бас мэдрэгдэж байв. Жанин үнсэлцэхээ болиод түүний нүд рүү харан нэг амьсгаагаар

- Чи Нимбо гэдэг бол гэрэлт цагираг гэсэн үг болохыг мэдэх үү? хэмээн асуув.

- Хөөх гэж Колби хариуллаа.

Колби бараг л амьдралдаа байж болох хамгийн гайхалтай зүйлсийг сая дуулсан мэт сонсогджээ. Түүний хэлж, харагдаж байгаа нь бараг л шашинлаг зүйл сонссондоо хариулсан мэт инээдтэй харагдана. Жанин инээд алдахад Колби ч даган инээв. Хэсэгхэн хугацаанд тэр хоёр тас тэврэлдэн зууралдаж, хоёр биенээ харан инээлдэж байлаа. Эцэст нь Жанин зууралдахаа зогсоов.

- Яасан бэ? гэж Колби асуулаа.

- Яагаа ч үгүй гэж Жанин хариулав. Ингээд тэр яах ийхийн зуургүй цамцаа тайлахад Колбигийн нүд томорлоо.

- Чи юу хийж байна аа? хэмээн тэр асуув.

- Чи намайг юу хийж байна гэж бодож байна?

Жанин Колбигийн футболканаас зууралдан, тайлахыг оролдож эхлэв.

- Хүлээ л дээ. Энд хийх гэж үү? хэмээн Колби асуулаа.

- Яагаад болохгүй гэж? Эндэх машины чинь арын суудлаас дээр байна. Хэн ч харахгүй.

- Гэхдээ усан онгоц явбал яана...

Жанин инээд алдлаа.

- Тэгээд юу гэж? Хэнд хамаатай юм бэ?

Колби түүний үгэнд орж футболка тайлалцаж эхлэв. Тэд хоёул хэт догдолсондоо эв дүйгүй ноцолдох нь сэтгэлийн хөөрлийг нь улам нэмэгдүүлэх ажээ. Жанин тэд яагаад өмнө нь үүнийг хийж байгаагүйг төсөөлөхгүй байлаа. Энэ тэд анх удаа энд өвс татсантай адилгүй аж.

Гэвч Жаниний толгойд усан дотор байсан дүрс дахин дахин орж ирсээр байв. Энэ яалт ч үгүй ямар нэгэн зүйл байсан бөгөөд юу болохыг нь олж мэдэхээс нааш толгойноос нь салахгүй зууралдаж, бүгдийг баллана гэдгийг тэр мэдэж байлаа. Эцэст нь тэр амьсгаадсаар босов.

- Алив хоёулаа явж нэг зүйл шалгаадахъя хэмээн тэр хэллээ.

- Юу вэ? гэж Колби асуув.

- Мэдэхгүй ээ, зүгээр л явъя.

Тэр Колбигийн гарнаас барьж, хоёул голын налуу эргээр бүдчин буув. Жанины хөөрөл одоо багасч, дотор нь муухайрч эхэлжээ. Яг энэ үеийг тэр үзэн яддаг. Тэнд байгаа зүйлийг аюулгүй эд гэдгийг хурдхан олж мэдмэгцээ тэр буцаад тааламжтай хөөрлөө мэдэрч эхлэх болно. Гэхдээ л тэр түүний мансуурал ийм хурдан, ийм хүчтэй эхлээгүй ч болоосой хэмээн хүсч эхэллээ.

Алхам алхмаар тэр зүйлийн дүрс тодорч эхлэв. Ямар нэгэн хуванцар эд байх бөгөөд энд тэндээ цоорч, цоорхойгоор нь хөөс гарч усны мандалд ирэн замхрах ажээ. Бас хажууд нь ямар нэгэн жижигхэн цагаан зүйл байлаа.

Уснаас ганц ярдын наана Жанин тэр зүйлийг том хэмжээтэй хогийн уут болохыг танив. Уутны ам онгорхой байх бөгөөд тэндээс энгийн бус цонхигор цагаан гарны хэлбэртэй зүйл цухуйна.

"Хувцас өмсгөдөг үзүүлэн байх" гэж Жанин бодлоо.

Тэр ойроос харахаар ус руу тонгойв. Гар цонхигор цагаан өнгөтэй байхад хумснууд содон улаан өнгөөр будагдсан байлаа. Юу болохыг нь ухаарсан аймшигт мөчид Жанины бие цахилгаанд цохиулсан мэт жирвэлзэв.

Энэ жинхэнэ гар байжээ. Эмэгтэй хүний гар. Уутанд цогцос байгаа юм байна.

Жанин хашгирав. Тэр Колбиг ч мөн хашгирахыг сонслоо. Бас тэр нэг хэсэгтээ л хашгирахаа больж чадахгүй нь гэдгээ ч мэдэж байв.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.18.17 8:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Цэко- доо баярлалаа. Орчуулганд чинь амжилт хүсье!!!!!! Номын нэрийг орчуулахад үнэхээр хэцүү юм байна лээ. Бүгд "Once" гэж бичигдсэн болохоор тэгсэн нь, ингэсэн нь, нэг удаа, дараа гэх мэтчлэн орчуулагдаад байгаа. Анх номын цувралыг эхлэхдээ би та нараас бас асууж байсан. Даанч нэг ч хүн санал бодлоо хэлээгүй. ккккккккк

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.19.17 9:07 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1161
Location: In the end
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Райли одоо түүний үзүүлэх гэж байгаа слайдууд ХМТ-ны академийн оюутнуудыг ихээхэн цочрооно гэдгийг мэдэж байлаа. Зарим нь бүр үүнийг хүлээж авч ч чадахгүй байх. Тэр хагас дугуйруулан байрлуулсан ширээнүүдийнхээ араас түүнийг шимтэн харж буй залуухан царайнуудыг гүйлгэн харав.

"Тэднийг хэрхэхийг харъя. Энэ зүйл тэдэнд маш чухал" хэмээн тэр бодно.

Мэдээж Райли гэмт үйлдлүүдийн хамрах хүрээн дундаа цуврал аллага маш ховор болохыг мэдэж байв. Гэлээ ч эдгээр залуу хүмүүс сурч болох бүх зүйлсийг суралцах ёстой. Тэд ХМТ-н ажилчид болохоор эрмэлзэж байгаа бөгөөд удалгүй ихэнх орон нутгийн хууль сахиулах ажилтнууд цуврал гэмт хэргийн талаар ямар ч туршлагагүй болохыг мэдэх болно. Мөн тусгай мөрдөгч Райли Пэйж бол цуврал аллагын нэртэй мэргэжилтэн болохыг ч олж мэднэ.

Тэр удирдлаган дээр дарлаа. Аварга том хавтгай дэлгэцэн дээр гарч ирсэн зурагт хүчирхийллийн ямар ч ул мөр үгүй ажээ. Зурган дээр залуу, дунд, янз бүрийн насны таван эмэгтэй хөрөг зурагнууд байв. Бүх эмэгтэйчүүд дур булаам царайтай, инээмсэглэсэн байх бөгөөд зургийг чадварлаг зураач мэргэжлийн түвшинд зуржээ. Райли товчлуур дээр дарангаа:

- Эдгээр таван зургийг найман жилийн өмнө Деррик Калдвелл хэмээх зураач зурсан юм. Тэрээр зун болгон энд, Виржиниагийн Дюньс Бийчийн замаар хөлхөх жуулчдын хөрөг зургийг зурж ихээхэн мөнгө олдог байсан. Зурган дээрх эмэгтэйчүүдийн түүний хамгийн сүүлийн үйлчлүүлэгчид байсан гэлээ.

Таван зургийн хамгийн сүүлийнхийг харуулсны дараа Райли товчлуур дээр дахин дарав. Дараагийн зураг нь эмэгтэй хүний биеийн мөчилсөн хэсгүүдээр дүүрсэн хөлдөөгчний аймшигтай зураг байх ажээ. Райли оюутнуудын дуу алдахыг сонслоо.

- Энэ бол тэдгээр эмэгтэйчүүдэд юу тохиолдсон талаарх зураг. Деррик Калдвеллийн өөрийнх нь үгээр бол тэрээр бүсгүйчүүдийг зурж байхдаа тэднийг "амьд явахад хэтэрхий үзэсгэлэнтэй" гэж өөртөө итгүүлдэг байсан. Иймээс тэр тэднийг нэг нэгээр нь мөшгиж хөнөөгөөд, биеийг нь мөчилж, хөлдөөгчиндөө хадгалдаг байсан.

Райли дахин товчлуур дарахад гарч ирсэн зурагнууд өмнөхөөс ч илүү цочирдмоор байв. Тэдгээр зурагнууд бол эмнэлгийн шинжээчдийн баг биеийн хэсгүүдийг эргүүлэн эвлүүлсний дараа авсан зурагнууд ажээ.

- Калдвелл биеийн хэсгүүдийг хооронд нь хольж, эмэгтэйчүүдийг хүн танихын аргагүй болгодог байсан гэж Райли нэмлээ.
Тэр анги руу эргэн харав. Нэг эрэгтэй оюутан гэдсээ барьсаар хаалга руу гүйхээрээ явна. Бусад нь юу юугүй бөөлжихийн ирмэг дээр байлаа. Зарим нь бүр нулимс дуслуулжээ. Маш цөөхөн оюутнууд л тайван харагдана.

Райли ямар нэгэн үл ойлгогдох байдлаар тэдгээр тайван оюутнууд академийн сургалтыг дуусгаж чадахгүй гэдгийг мэдрэв. Тэдгээр оюутнуудын хувьд саяны үзүүлсэн зүйлс ердөө л хэдэн зураг. Тэд жинхэнэ аймшигтай таарах үедээ нүүр тулгарч ч чадахгүй. Тэд өөрсдийнхөө дотоод цочролыг хянаж, ийм хэрэгтэй тулгарсны дараах сэтгэлийн дарамтыг зохицуулж ч дийлэхгүй. Дүрэлзэн асах бамбарын зураглал түүний тархинд үе үе орж ирдэг ч түүний гэмтлийн дараах хямрал багасаж, тэр эдгэрч байгаа. Гэсэн хэдий ч тэр хэн нэгэн ямар нэгэн зүйлээс эдгэрэхээс өмнө, эхлээд тухайн зүйлийн талаар мэдрэх ёстой гэдэгт итгэлтэй байв.

- Харин одоо би хэд хэдэн тодорхойлолт хэлэх бөгөөд та бүхэн надад уг тодорхойлолт бодит баримт юм уу зүгээр л ам дамжсан домог эсэхийг ялгаж хэлж өгөх ёстой. Ингээд эхнийх нь. "Ихэнх цуврал алуурчид аллагыг бэлгийн дур сонирхлоос үүдэн хийдэг." Энэ баримт уу, домог уу?

Энд тэндээс оюутнууд гараа өргөж байв. Райли хамгийн эхний эгнээнд суух, бусдаас онцгой илүү шимтэнгүй царайтай оюутан руу дохилоо.

- Баримт уу? гэж оюутан асуув.
- Тийм ээ, баримт. Хэдийгээр өөр бусад шалтгаанууд байдаг хэдий ч бэлгийн дур хүсэл бол хамгийн түгээмэл шалтгаан. Энэ шалтгаан янз бүрийн байдлаар илэрдэг, зарим нь бүр гайхмаар хачин. Деррик Калдвелл бол үүний сонгодог жишээ нь. Эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тэр мөчлөхөөсөө өмнө цогцоснуудтай бэлгийн харьцаанд орсон байгаа юм.

Райли ихэнх оюутнууд зөөврийн компьютерээ товшин тэмдэглэл хөтлөхийг харлаа. Тэр үргэлжлүүлэн

- Одоо дахин нэг тодорхойлолт хэлье. "Цуврал алуурчид аллага хийх тусмаа хохирогчиддоо илүү хэрцгий ханддаг болдог".
Дахиад хэдэн оюутан гар өргөв. Энэ удаа Райли хэдэн эгнээний хойно суух оюутан руу заалаа.

- Баримт гэж оюутан хэлэв.

- Домог. Би өөрийн биеэр зарим нэг өөр тохиолдлуудыг харж байсан хэдий ч ихэвчлэн алуурчид хэв маягаа өөрчилдөггүй. Деррик Калдвеллийн хэрцгийллийн түвшин түүний цуврал аллагуудын хооронд өөрчлөгдөөгүй. Гэхдээ тэр хэрцгий сод ухаантан биш, хөнгөн хуумгай, улам шуналтай болж байсан. Тэр хохирогчдоо сар хагасын зайтай хөнөөдөг байсан. Ийм хэмжээний анхаарал татсанаар тэр баригдах нь гарцаагүй байсан юм гэж Райли ярилаа.

Тэр ханын цаг руу хяламхийж хичээлийн цаг нь дуусч байгааг харав.

- Өнөөдрийн хувьд ингээд боллоо. Одоог болтол цуврал алуурчдын талаар маш олон алдаатай таамаглалууд, ам дамжсан үлгэр домгууд байсаар байгаа. Зан төлөв шинжлэн судлах хэсэг олон төрлийн мэдээлэл цуглуулан, шинжлэн дүгнэдэг бөгөөд би улс даяар цуврал хэргүүд дээр ажиллаж байсан. Бидэнд боловсруулах шаардлагатай өөр өчнөөн мэдээлэл бий гэж тэр хэллээ.

Анги тарж, Райли ном дэвтрээ цүнхлэн, харихаар бэлдэв. Түүний ширээг тойрон гурав дөрвөн оюутнууд асуулт асуухаар бөөгнөрлөө. Нэг эрэгтэй оюутан:

- Мөрдөгч Пэйж, та Деррик Калдвеллийн хэрэг дээр ажилласан уу? гэж асуув.
- Тийм ээ, би ажилласан. Энэ талаар дараа ярина гэж Райли хариуллаа.

Энэ талаар тэр ер нь ярихыг хүсэхгүй байсан ч үүнийгээ хэлсэнгүй. Нэг залуу эмэгтэй оюутан:

- Калдвеллийг үйлдсэн хэргийнх нь төлөө цаазалсан болов уу? гэж асуулаа.
- Арай цаазлаагүй байгаа хэмээн Райли хариулав.

Райли аль болох бүдүүлэг загнахгүй байхыг хичээн оюутнуудыг гарах хаалга руу чиглүүллээ. Түүнд Калдвеллийн удахгүй болох цаазын ажиллагааны талаар ярилцах таатай байсангүй. Үнэндээ тэр цааз өнөө маргаашгүй товлогдохыг хүлээж байв. Калдвеллийг баривчилсан гол хүний хувьд тэр цаазын ажиллагааг гэрчлэхээр уригджээ. Райли одоохондоо явах эсэхээ шийдээгүй байгаа.

Райлид барилгаас гаран есдүгээр сарын дулаахан өдрийг мэдрэх сайхан санагдав. Эцсийн эцэст тэр амралттай байгаа шүү дээ.

Солиотой алуурчин түүнийг барьснаас хойш тэр гэмтлийн дараах сэтгэлийн хямралд өртжээ. Тэр алуурчнаас зугтаан, эцэст нь тэр тамлан зовоогчийг дуусгаж чадсан. Гэхдээ түүнээс хойш ээлжийн амралтаа авч амжилгүй шууд дараагийн хэргийг шийдвэрлэхээр болсон. Нью Йоркийн нэг жижиг хотод болсон энэ аймшигтай хэрэг алуурчин яг түүний нүдэн дээр өөрийнхөө хоолойг хэрчнээс дуусгавар болсон юм.

Тэр мөч түүнийг одоо болтол зовоосоор л байлаа. Түүний ахлах Брент Мередит бас нэгэн хэрэг шийдүүлэхээр түүн дээр ирэхэд тэр татгалзжээ. Оронд нь Мередитийн зөвлөснөөр тэр Квантико дахь ХМТ-ны академид хичээл заахаар болсон юм. Машиндаа суун гэр рүүгээ явах замдаа Райли үүнийг хичнээн ухаалаг сонголт болох талаар бодож явав. Эцэст нь түүний амьдралд багахан ч гэсэн амар амгалан, тайван оршихуйн мэдрэмж бий болжээ.

Гэвч тэр ийн жолоо барьж явах үедээ гэнэт танил дотор жихүүцүүлэм, үүлгүй тунгалаг өдөр дунд зүрхийг нь дэлсүүлсэн мэдрэмжийг мэдэрлээ. Энэ бол ямар нэгэн аймшигтай зүйл удалгүй болохыг мэдэрсэн хүлээлт болохыг тэр ухаарчээ. Тэр одоо байгаа амар амгаландаа төвлөрөхийг хичээсэн боловч энэ бүхэн удахгүй дуусна гэдгийг мэдэж, зүгээр л мэдэрч байлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
PostPosted: Nov.20.17 3:02 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 250
За шинэ орчуулагч гуайн чанар чансааг тэгж байгаад нийтдэнэ шалганаа хаха орчуулаад байгаарай. Би бөөндөж байгаад уншина.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
PostPosted: Nov.21.17 10:47 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 523
Location: Holland
Орчуулгыг маань гололгүй үргэлжлүүлэн уншсан Уншигчиддаа баярласан шүү. 2 дахь номны сүүлчийн бүлгийг оруулаагүйдээ хүлцэл өчье. Гэхдээ сонирхуулж хэлэхэд тэнд онцгой үйл явдал болоогүй. Райли охинтойгоо шинэ байшинд нүүн орж, Габриэла тэдний хамт амьдрахаар бүр мөсөн ирсэн тухай гардаг.
Үнэнийг хэлэхэд нэг зохиолчийн нэг хэв маягаар бичсэн зохиолыг удаан уншиж орчуулахаар жаахан залхдаг юм шиг байна, ккккк. Цеког 3 дахь номыг орчуулж байх хооронд би өөр ном барьж авахаар шийдсэн. Гэхдээ зохиолч болон номын нэрийг нууцлах санаатай, зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэгт унамааргүй байна, кккк. Энэ жил шинээр гарсан цуврал ном бөгөөд энэ номыг Харри Поттертой дүйцэхүйцээр сонирхолтой бичигдсэн гэж амазонд бичсэн сэтгэгдлүүдээс ойлгосон. Та нарыг сонирхвол шинэ пост нээж оруулна. Одоогоор миний номонд өгсөн нэр "Хар шид...." Сонирхож байвал саналаа үлдээгээрэй.
Цеко-доо бас баярлалаа. Чи сайн орчуулдаг юм байна. Чамаас сурах юм их бололтой. Би орчуулсан номоо засаж эмхэтгэх санаатай байгаа болохоор чиний найруулгыг сайн анхаарч уншиж байгаа шүү. Чамайг энэ номоо дуусгахаар 4 дэх номыг барьж авна. Тэр хооронд 5 дахь номыг чамд өгье. Эсвэл энэ цувралаас орчуулах хүсэлтэй хүн байвал мэдэгдээрэй.

_________________
Sakura


Top
   
PostPosted: Nov.22.17 1:44 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 878
Шинэ идээний дээж тансаг.За хүлээж байя

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Nov.22.17 12:33 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 717
Цэко сайн орчуулж байнаа, удаан гэхээр нь сардаа ганц пост хийхийн байх гэтэл овоо хурдан байна шүү, Нарангийн шинэ номыг хүлээж байя, гэмт хэргээр занималдсаар байгаад мөрдөгч болчих ч юм билүү хаха


Top
   
PostPosted: Nov.22.17 6:55 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 3:18 pm
Posts: 1161
Location: In the end
Ааая, аягүй магтуулсан, хаха.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Цүнхэнд нь ямар нэгэн юм чичигнэхийг мэдрээд Райлигийн нуруугаар хүйтэн хөлс дааварлав. Тэр шинэ хувийн байшингийнхаа урд хаалган дээр зогсоод утсаа гаргаж ирлээ. Түүний зүрх зогсчих шиг л болжээ. Брент Мередитээс богино зурвас ирсэн байв.

"Над руу залга"

Райли түгшлээ. Дарга барагтай л бол түүний ямархуу байгааг асуудаггүй. Гэхдээ ойрдоо тэгж лавлан асууж байгаа. Нөгөө талаар тэр Райлиг ажилдаа эргэж орохыг хүсч байж болох юм. Тэгвэл яах вэ?

"Би мэдээж үгүй гэж хэлнэ" хэмээн Райли өөртөө хэлэв.

Тэгж хэлэх амаргүй хэрэг. Түүнд дарга нь таалагддаг бөгөөд, түүнийг ятгахдаа гаргууд хүн гэдгийг мэднэ. Энэ талаар шийдвэр гаргахыг тэр хүсэхгүй байсан тул утсаа буцаан далд хийлээ.
Тэр хаалгаа онгойлгон гэгээлэг, цэвэрхэн шинэ гэртээ орох үедээ хормын төдий зовинол нь үгүй болов. Энэ байшинд нүүж ирснээс хойшхи бүх зүйл зөв юм шиг санагдана. Сонсоход тааламжтай хоолой дуулдлаа.

- Quien es?
- Soy yo. Би ирлээ Габриелла хэмээн Райли хариулав.

Махлаг, дунд насны Гватемаль эмэгтэй галын өрөөнөөс гарч ирэнгээ гараа алчууранд арчив. Габриеллагийн инээмсэглэсэн царайг харах сайхан байлаа. Тэр эмэгтэй Райлиг Райнаас салахаас ч өмнө, олон жилий турш гэр бүлийн үйлчлэгч хийсээр иржээ. Райли Габриеллаг тэдэнтэй, Райли болон түүний охинтой нь хамт ийшээ нүүж ирэхийг зөвшөөрсөнд нь үнэхээр талархаж байлаа.

- Өнөөдөр ямархуу байв даа? хэмээн Габриелла асуув.
- Гайхалтай байсан гэж Райли хариуллаа.
- Que bueno!!

Габриелла галын өрөө рүү буцан оров. Оройн хоолны сайхан үнэр гэр дүүрэн үнэртэнэ. Тэр Габриеллаг испаниар дуулж эхэлэхийг сонслоо.
Райли зочдын өрөөндөө орж эргэн тойрноо тааламжтайяа харав. Тэр ийшээ охинтойгоо хамт саяхан нүүж иржээ. Гэрлэлт нь нуран унах үеэс хойш амьдарч байсан жижигхэн эдлэн газрын загвартай байшин нь аюулгүй байдалд тохирохооргүй хэтэрхий алслагдмал байсан. Үүнээс гадна Райлид яагаад ч юм Эприл тэр хоёр яаралтай өөрчлөлт хийх хэрэгтэй гэж санагдаад байжээ. Одоо түүний салалтын явц дуусгавар болж, Райн хүүхдийн тэтгэмжээ сайн өгч байгаа тул цоо шинэ амьдрал эхлүүлэх цаг нь болсон байлаа.

Энэ байшинд зарим зүйлсийг өөрчлөх хэрэгтэй аж. Зарим тавилганууд ийм ариун тансаг газар тохирохооргүй хуучирсан тул шинийг авах хэрэгтэй. Нэг талын хана бараг хоосон шахуу, Райлигийн өлгөх зурагнууд барагджээ. Тэр энэ амралтын өдрүүдээр Эприлтэй хамт дэлгүүр хэсэх талаар толгой дотроо тэмдэглэв. Ямар нэг солиотой алуурчны хойноос хөөцөлддөг мөрдөгчийн биш хэвийн гэр бүлтэй эмэгтэйн хийдэг энэ үйлдлийн талаарх бодол Райлиг тайвшрууллаа. Гэхдээ Эприл хаана байна вэ?

Тэр хөдөлгөөнгүй зогсон чимээ чагнав. Дээд давхар дахь Эприлийн өрөөнөөс хөгжим сонсогдсонгүй. Гэтэл охиных нь хашгирах дуулдлаа.

Эприлийн дуу байшингийн арын цэцэрлэгийн зүгээс гарч байлаа. Райли дуу алдаад, хооллох хэсгээр дайран шурдхийн гүйж байшингийн арын тавцан руу гарч ирэв. Эприлийн толгой, их бие нь байшингуудыг тусгаарласан хашаан дээгүүр шоволзон гарч ирэхийг хараад юу болохыг нь ойлгох гэж Райли хором хэртэй гацлаа. Эцэст нь тэр тайвширч, өөрийгөө шоолон инээд алдав. Тэр яах ийхийн зуургүй өөрийгөө цочролд оруулжээ. Гэхдээ энэ бол зөнгөөрөө хийсэн үйлдэл. Райли ердөө саяхан ээжээс нь өшөө авахын тулд охиныг нь онилсон солиотой алуурчны гараас Эприлийг аварсан шүү дээ.

Эприл хоромхон зуур алга болсноо дахин баяр хөөртэй хашгиран үсчих нь харагдав. Охин хөршийн трамполин дээр үсчиж байгаа нь тэр юмсанж. Тэр энд амьдардаг өөрийн үеийн, тэр байтугай нэг сургуульд хамт сурдаг болж таарсан охинтой найзууд болцгоожээ.

- Болгоомжтой байгаарай! хэмээн Райли Эприл рүү хандан хашгирав.
- Би зүгээр ээ ээж ээ гэж Эприл нэг тэр дор нь хариуллаа.

Райли дахин инээд алдав. Энэ бол түүнд танил болоогүй, бараг мартах шахсан мэдрэмжээс гарч буй чимээ байлаа. Тэр дахин дахин инээхийг хүсч байв.
Тэр бас охиныхоо баяр хөөртэй царайг дахин дахин, үүнээс ч олон дахин хармаар байлаа. Ердөө өчигдөрхөн л Эприл өсвөр насны хүүхдэд хүртэл ахдахаар зожиг, ууртай, дайсагнасан харьцаатай байсан. Гэвч Райли Эприлийг буруутгаж чадсангүй. Тэр ээж хүний маш олон үүргийг хөсөр хаясан. Тиймээс тэр одоо үүнийг өөрчлөхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байлаа.
Райлигийн хувьд мөрдлөгөөр явахын нэг давуу тал нь урт, тодорхойгүй хугацаагаар бүхнээс хол, алс газар явахад оршдог байв. Харин одоо түүний амьдралын хэмнэл Эприлийнхтэй холилдохын хэрээр тэр энэ бүхэн нэг л өдөр өөрчлөгдөнө гэдгээс айж байлаа.

"Одоо байгаадаа сэтгэл ханах хэрэгтэй" гэж тэр бодов.

Райлиг дөнгөж гэртээ ормогц урд хаалганы хонх дуугарлаа.
- Би онгойлгочихъё Габриелла

Райли хаалга онгойлгоход урд өмнө нь харж байгаагүй залуу түүн рүү инээмсэглэн зогсож байв.

- Сайн уу? Намайг Блэйн Хилдрет гэдэг, танай хөрш. Танай охин манай охин Кристаллтай хамт тоглож байгаа гэж тэр бага зэрэг ичингүйрэн хэлээд хайрцагтай зүйл Райлид өгч
- Манай дүүрэгт тавтай морил. Энэ бол бяцхан бэлэг байгаа юм гэлээ.
- Өө... гэж Райли гэнэтийн найрсаг занд цочирдсондоо таг гацав. Эцэст нь тэр арайхийж
- Баярлалаа, манайд тавтай морил гэж хэллээ.

Тэр хайрцагтай зүйлийг эв хавгүй гардан авч гэнэтийн зочноо зочдын өрөөний сандалд суухыг урив. Райли өөрөө гартаа хайрцагтайг барьсан хэвээр буйдан дээр суулаа. Блэйн Хилдрет түүн рүү ямар нэгэн юм хүлээсэн харцаар харна.
Ямар гайхалтай бэлэг вэ? гээд Райли хайрцагтайг нээв. Хайрцган дотор өнгө өнгийн кофений аяга байх бөгөөд нэг хос нь эрвээхий, нөгөө хос нь цэцгэн чимэглэлтэй ажээ.

- Гайхалтай гоё аяганууд байна. Та кофе уух уу? гэж Райли асуув.
- Тэгэлгүй яахав.

Райли Габриеллаг гал тогооны өрөөнөөс дуудав.

- Габриелла, бидэнд энэ аяганд кофе хийгээд аваад ирээч. Блэйн та ямар кофе уух вэ? гээд Габриеллад кофений аягануудыг өглөө.
- Хар кофе ууя

Габриелла аягануудыг аван гал тогоо руу оров.
- Намайг Райли Пэйж гэдэг. Ирсэнд баярлалаа. Бас гоё бэлэг өгсөнд баярлалаа.
- Тэгэлгүй яахав.

Габриелла хоёр аяга амттай халуун кофе авчирч өгөөд ажилдаа буцан орлоо. Райли эрэгтэй хөршөө өөрийн мэдэлгүй өөртэйгөө харьцуулан жишиж байгаагаа мэдээд өөрөөсөө ичив. Тэр одоо ганц бие болсон тул үүнд буруутах зүйлгүй боловч хөрш нь үүнийг нь анзаараагүй байгаасай хэмээн найдав.

"Эсвэл тэр надтай адилхан үйлдэл хийж байж ч магадгүй" гэж тэр бодлоо.

Хөрш нь хуримын бөгж зүүгээгүй болохыг тэр хамгийн түрүүнд анзаарав. Бэлэвсэрсэн ч юм уу салсан байж болох юм. Дараа нь тэр хөрш нь өөртэй нь ойролцоо насных, магадгүй бага зэрэг залуу, дөч арай хүрээгүй болов уу хэмээн таамаглалаа. Эцэст нь харахад тэр тун царайлаг, үгүй ядаж л дажгүй төрхтэй залуу аж. Үс нь дөнгөж бууралтаж яваа нь түүнийг аятайхан харагдуулахын дээр булчинлаг, чийрэг биетэй байлаа.

- Та ямар ажил эрхэлдэг вэ? гэж Райли лавлав.

Хөрш нь мөрөө хавчин

- Би нэг ресторан ажиллуулдаг юм. Та хотын төвд байдаг "Блэйний Грилл" гэдэг рестораныг мэдэх үү? гэж асуулаа.

Райли зочноо бүр бишрэв. "Блэйний Грилл" бол Фредриксбургийн хамгийн сайхан хоолны газруудын нэг бөгөөд Райли эндэхийн оройн хоолны цэс гайхалтай сайхан гэж дуулсан ч өөрийн биеэр очиж үзээгүй аж.

- Би очиж байсан юм байна.
- Тэр газар минийх юм л даа. Харин та юу хийдэг вэ? гэж Блэйн асуув.

Райли урт амьсгаа авлаа. Огт танихгүй хүнд юу хийж амьдардагаа хэлэх хэзээ ч амар байгаагүй. Ялангуяа эрэгтэй хүмүүс түүний юу хийдгийг дуулаад айх нь олон.

- Би ХМТ-д ажилладаг. Би...би бол мөрдөгч гэж Райли эцэст нь хэллээ.

Блэйний нүд нь томорч

- Үнэн үү? хэмээн асуув.
- Одоохондоо амралтаа авсан байгаа л даа. Би академид хичээл зааж байгаа.

Блэйн сонирхож байгаа нь илт, түүн рүү дөхлөө.

- Гайхалтай. Танд ярих зөндөө түүх бий гэдэгт итгэлтэй байна. Аль нэгнээс нь сонсмоор л байна шүү.

Райли хүчлэн инээлээ. Тэр Товчооныхноос өөр хэн нэгэнд хэзээ нэгэн цагт харсан зүйлсийнхээ хагасыг ч болов ярьж чадах эсэхдээ тунчиг эргэлзэж байв. Хийсэн зүйлсийнхээ тухайд бол дурсахын ч хэрэггүй.

- Тэр боломжгүй ээ хэмээн Райли шуудхан хэлээд Блэйний царай хүйтрэхийг анзаарч хэтэрхий бүдүүлэг дуугарснаа ойлгов.

Блэйн толгой дохиод

- Намайг өршөөгөөрэй. Би таныг эвгүй байдалд оруулахыг огтхон ч хүсээгүй юм шүү хэмээн хэллээ.

Үүнээс хойш тэд үргэлжлүүлэн хэдэн хормын турш ярилцсан боловч Райли хөрш нь биеэ илүү барихыг анзаарчээ. Хөрш нь эелдгээр салах ёс дэвшүүлээд явсны дараа Райли араас нь хаалгаа хаагаад санаа алдлаа. Тэр хөршдөө дотно танилцах боломж олгосонгүй гэдгээ ойлгож байв. Хичнээн шинэ амьдрал эхлүүлж байгаа хэдий ч өнөөх л хуучны Райли хэвээрээ аж.
Гэвч энэ бүхэн яг одоохондоо чухал асуудал биш. Дахин харилцаа үүсгэх гэдэг түүнд яг одоо хэрэгтэй зүйлсийн тоонд багтахгүй бөгөөд тэр эхний ээлжинд амьдралдаа байгаа зүйлсээ цэгцэлж, замбараатай болгох хэрэгтэй. Тэр дөнгөж л энэ талаар санаа тавьж эхэлж байгаа шүү дээ. Гэхдээ л сэтгэл булаам эртэй хамт хэдэн хором өнгөрүүлэхэд таатай байсан төдийгүй ямартай ч тун аятайхан хөрштэй болсон нь сайн хэрэг.
Райли Эприл хоёр оройн хоолоо идэхээр суух үед Эприл утсаа гарнаасаа салгасангүй.

- Утсаараа оролдохоо болиорой. Энэ бол оройн хоолны цаг гэж Райли сануулав.
- Одоохоон ээж гэж Эприл хариулсан ч тасралтгүй богино зурвас бичсээр л.

Райли Эприлийн гаргаж буй өсвөр насны хүүхдийн араншинд бага зэрэг л дургүйцэж байлаа. Үнэн гэвэл энэ араншин сайны тэмдэг. Эприл энэ жил сургуульдаа тун дажгүй явж байгаа төдийгүй шинэ найзуудтай болжээ. Райлигийн ажигласнаар тэд Эприлийн өмнө нийлж байсан хүүхдүүдээс хувь илүү аж. Райли Эприлийг таалагддаг хөвгүүнтэйгээ богино зурвас бичилцэж байгаа байх хэмээн таамаглав. Одоохондоо Эприл тэр хүүгийн талаар дурсаагүй л байна.
Эприл Габриеллаг таваг дүүрэн чилитэй реллено гэдэг Мексик хоол барьсаар орж ирэхэд утсаараа оролдохоо болив. Габриелла уур савссан шүүслэг хоолыг гал тогооны ширээн дээр тавихад Эприл зальтай инээлээ.
- Халуун ногоотой юу Габриелла?
- Тийм ээ гэж Габриелла хариулаад мөн инээв.

Энэ бол тэр гурвын хоорондох хошигнол аж. Райан хэт халуун ногоотой хоолонд дургүй байжээ. Бүр огт идэж чаддаггүй байв. Харин Райли Эприл хоёрын хувьд халуун ногоо их байх тусмаа сайн юмсанж. Одоо бол Габриелла халуун ногооны их багад өмнөх шигээ хэт санаа зовох хэрэггүй болжээ. Гэхдээ л Райлигийн бодлоор Эприл тэр хоёр хүртэл Габриеллагийн жинхэнэ Гватемаль жороор хийсэн хоолыг идэж чадах эсэх нь эргэлзээтэй хэрэг.
Габриелла ширээ засч, хоолоо өрж дуусаад Райлид хандан
- Сая зочилсон ноёнтон guapo, тийм ээ? хэмээн асуулаа.

Райли улайж байгаагаа мэдрэв.

- Царайлаг гэж үү? Би анзаараагүй ээ, Габриелла

Габриелла чанга дуугаар хөхөрлөө. Тэр Эприл Райли хоёртой хамт суун хооллонгоо амандаа бяцхан дуу аялж эхлэв. Райли үүнийг нь Гватемалийн хайрын дуу байх гэж таалаа. Харин Эприл ээж рүүгээ ширтэв.

- Ямар ноёнтон бэ ээж?
- Манай шинэ хөрш түрүүхэн зочлоод...
- Ээ бурхан минь гэж! Кристалын аав уу? Мөн биз дээ? Та царайлаг гэж бодоогүй юу? Гэж хэт хөөрсөндөө ээжийнхээ яриаг таслан ар араас нь дуржигнуулав.
- Би бас түүнийг ганц бие байх гэж бодож байна гэж Габриелла нэмлээ.
- Одоо болно оо. Намайг тайван орхи. Та хоёрыг намайг хажуу хаалганы залуутай нийлүүлэх гэж оролдохыг чинь харах сонин биш байна гэж Райли инээд алдан хариулав.

Ингээд тэд бүгд оройн хоол руугаа дайрцгааж, бараг дуусахын алдад Райли халаасан дахь утас нь чичигнэхийг мэдэрлээ. "Хараал идэг. Энийг оройн хоолны үеэр авчрах хэрэггүй байж" гэж Райли харамсан бодов.

Утас чичигнэсээр л байлаа. Тэр утсаа үл тоож чаддаггүй ажээ. Түүнийг гэртээ ирснээс хойш Брент Мередит дахин хоёр зурвас илгээсэн боловч Райли түүн рүү дараа утасдана гэж өөртөө хэлсээр л байсан юмсанж. Гэвч цаашид ингээд байж чадашгүй тул ширээнээс босч холдоод утсаа авлаа.

- Райли, чамд ингэж төвөг удаж байгаад уучлаарай. Гэвч чиний туслалцаа надад маш их хэрэгтэй байна гэж түүний дарга утасны цаанаас хэлэв.

Мередит түүнийг нэрээр нь дуудаж байхыг сонсоод Райли гайхлаа. Дарга нь барагтай л бол түүнийг нэрээр нь дууддаггүй агаад тэр даргатайгаа нилээн дотно харьцдаг хэдий ч түүнийг ихэвчлэн мөрдөгч Пэйж хэмээн дууддаг билээ. Түүний дарга ихэнх тохиолдолд ажил хэрэгч маягийн, заримдаа бүр хэг ёг хийсэн харьцаатай хүн аж.

- Юу болоо вэ эрхэм ээ? гэж Райли асуулаа.

Мередит хором хэртэй чимээгүй болсонд Райли ихэд гайхав. Түүний гал цог хаашаа ч юм алга болжээ. Энэ бол түүний айгаад байсан мэдээ мөн гэдгийг тэр яг таг мэдэрч байлаа.

- Райли, би хувийн чанартай юм гуйх гэсэн юм гэж хэлэхдээ Мередит тушаахаас илүү гуйсан янзтай сонсогдов.
- Надад Финикст гарсан хүн амины хэргийг шалгах даалгавар өгсөн.

Райли тунчиг гайхлаа.

- Нэг л хүн амины хэрэг юм уу? Үүнд ХМТ ямар хэрэгтэй билээ?
- Миний эртний танил Финиксийн мөрдөх албанд ажилладаг юм. Түүнийг Гарретт Холбрүүк гэдэг. Бид академид хамтдаа суралцаж байсан. Хэргийн хохирогч нь түүний охин доо Нэнси юм байна.
- Надад тун харамсалтай байна. Гэхдээ орон нутгийн цагдаагийн газар... хэмээн Райли ярьж байхдаа Мередитийн хоолой гуйсан шинжтэй байгааг анзаараад яриагаа дуусгалгүй орхив.
- Гарреттэд бидний тусламж үнэхээр их хэрэгтэй байна. Учир нь түүний дүү биеэ үнэлэгч байсан юм. Тэр гэнэт л алга болоод, цогцос нь нуурнаас олдсон. Тэр биднээс энэ хэрэг цуврал алуурчны хэрэг эсэхийг шалгахыг хүсч байгаа юм л даа.

Райлид энэ хүсэлт хачирхалтай санагдав. Биеэ үнэлэгчид аллагын золиос бололгүйгээр олон удаа алга болдог. Заримдаа тэд ажлаа өөр газар үргэлжлүүлэхээр шийдэн алга болдог бол заримдаа зүгээр л ажлаа хийхээ больдог юм.

- Түүнд ингэж бодох ямар нэгэн шалтгаан бий юу? гэж Райли асуулаа.
- Мэдэх юм алга. Магадгүй тэр биднийг энэ хэрэгт татан оролцуулахыг тулд ингэж бодож байж ч магадгүй. Гэхдээ чиний мэдэж байгаачлан биеэ үнэлэгчид цуврал алуурчдын гол бай гэдэг нь үнэн.

Райли ч үүнийг үнэн гэдгийг мэдэж байлаа. Биеэ үнэлэгчдийн амьдралын хэв маяг тэднийг ихээхэн эрсдэлд оруулдаг. Тэднийг бүгд хардаг, бүгд харилцдаг, танихгүй хүнтэй хоёулхнаа үлддэг, олонхи нь хар тамхины хамааралтай байдаг билээ.

- Тэр над руу өөрөө ярьсан болохоор би түүнд өөрийнхөө хамгийн шилдэг хүмүүсийг Финикс рүү явуулна гээд амлачихсан юм. Мэдээж чамайг хэлсэн хэрэг л дээ гэж Мередит үргэлжлүүллээ.

Райлигийн сэтгэл нь хөдөлжээ. Мередитэд шуудхан үгүй гэж хэлэх тун хэцүү аж.

- Эрхэм ээ, та намайг ойлгохыг хичээнэ үү. Би яг одоо ямар ч шинэ зүйл хариуцах чадалгүй байна.

Райли хумсын төдий худал ярьж байгаагаа мэдэж байлаа. "Чадахгүй юу, эсвэл хүсэхгүй юу?" гэж тэр өөрөөсөө асуув. Түүнийг цуврал алуурчинд баригдан тамлуулсны дараа хүн бүр түүнийг ээлжийн амралтаа ав гэж ятгаж байсан. Тэр ч ингэхийг хичээсэн боловч ажилдаа орохыг үхэн хатан хүсч байгаагаа мэдэрсэн. Харин одоо бол Райли яг үнэндээ юуны төлөө тэгж үхэн хатан хөөцөлдөж байснаа гайхаж байлаа. Тэр тоомжиргүй, өөрийгөө уландаа гишгэсэн, амьдралынхаа учрыг олох гэж новшийг цаг хугацааг туулан амьдарч байсан. Тэр эцэст нь арайхийж өөрийг нь тамлагч Петерсоныг хөнөөснөөр бүх зүйл сайхан болно хэмээн бодсон билээ. Гэвч тэр өнөөг хүртэл түүнийг зовоосоор, хамгийн сүүлд мөрдсөн хэргээс үүдэлтэй шинэ асуудалтай болжээ.
Хэсэг чимээгүй байсныхаа дараагаар Райли

- Би мөрдлөгөөс дахиад хэсэг зуур хол байх шаардлагатай байна. Зарчмын хувьд би ээлжийн амралттай байгаагийн дээр амьдралаа зохицуулах гэж маш их хичээж байна хэмээн нэмж хэллээ.

Үүний дараа аль аль нь удаан хугацаанд чимээгүй болцгоов. Мередит түүнтэй маргах ч юм уу тушаал буулгах гэж байгаа аястай байсангүй. Гэвч тэр үүнийг нь шуудхан хүлээж авна гэсэн үг ч биш байлаа. Тэр тийм ч амархан бууж өгөх хүн биш билээ.

Райли Мередитийг уртаар, гунигтай санаа алдахыг сонслоо.

- Гарретт Нэнсигээс олон жилийн турш зайгаа барьсаар ирсэн юм. Гэтэл одоо түүнд тохиолдсон явдал Гарреттийг амьдаар нь булшилж байна. Сурах зүйл мөн биз? Амьдралдаа хэнийг ч бүү үл тоо, үргэлж холбоотой бай.

Райли золтой л утсаа унагаачихсангүй. Мередитийн үг түүний удаан хугацаанд тархиныхаа гүнд булшлаад орхисон зүйлийг ихээхэн хөнджээ. Райли өөрийнхөө төрсөн эгчтэй холбоо барихаа болиод олон жил болж байгаа. Тэд маш их хөндийрсөн бөгөөд Райли Вендигийн талаар бодолгүй асар их удсан юм. Төрсөн эгч нь хаана юу хийж яваа талаар түүнд мэдэх зүйл огт байсангүй.

Дахин нэг урт чимээгүй хормын дараа Мередит

- Энэ талаар дахин нэг удаа бодож үзнэ гэж хэлээч дээ хэмээн гуйлаа.
- Тэгэлгүй яахав гээд Райли утсаа таслав.

Түүнд үнэхээр таагүй байлаа. Мередит түүнийг хүнд хэцүү үеүдэд нь тусалж дэмжиж байснаас гадна энэ хүн хэзээ ч ийм сул дорой байсан удаагүй билээ. Райли түүнийг гонсойлгохыг үнэн голоосоо үзэн ядаж байв. Тэгээд ч тэр Мередитэд энэ талаар бодож үзнэ гэж амласан. Яаж ч хичээгээд Райли үгүй гэж хэлж чадна гэдэгтээ эргэлзэж байлаа.

_________________
PEPPA PIG


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 488 posts ]  Go to page Previous 115 16 17 18 19

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited