#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.16.19 4:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.05.17 12:32 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Байна, байна...Би байгаал байна :mrgreen:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.05.17 6:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
7


Тревор Викерс харваас сандарсан нь илт гар хуруугаараа оролдон, хааяа хумсаа мэрж харагдана. Дэргэд нь түүний өмгөөлөгчөөр томилогдсон хуучирч элэгдсэн хослол өмсөж, халзан толгойныхоо оройг үсээрээ халхалж самнасан намхан эр суужээ. Тэр хоёрын хэн нь ч ам нээхгүй сууцгаана. Хэвлэл мэдээллийнхэн Треворыг гол сэжигтэн гэж шуугилдсаны дараа Метрополитаны Цагдаагийин Газар түүний гэрт очиж булан тохой бүрийг нэгжиж үзсэн боловч Наоми Бэкингэмийг олсонгүй. Үд дунд өнгөрч байлаа. Хэргийн мөрдөлтөнд гарсан ахиц байхгүй, цаг алгуурхан минут тоолон урагшилсаар.
Харрис байцаалтыг өөрөө удирдан явуулахаар шийдсэн учир Фостер тэднийг нэвт хардаг толины цаанаас ажиглаж зогсоно. Сурвалжлагч нар Викерсийн нэр төрийг унагаагаад ч хамаагүй Наомиг олох эрлийн ажиллагаанд ахиц гаргах оролдлого хийцгээнэ гэдгийг гэж Фостер мэдэж байлаа. Хэвлэл мэдээллийнхэн ингэж муйхарлах нь зохисгүй юм. Тэд хэргийн мөрдлөгөөс түрүүлж алхахыг оролддог нь нэг бус удаа билээ. Цагдаагийнхан Треворын эцэгтэй үдийн цайны үеэр утсаар ярьж хүмүүс өөртэй нь холбоо барихыг оролдоцгооно гэдгийг анхааруулжээ. Нэг сурвалжлагч мөнгө амлаж, бусад сурвалжлагч нараас түүнийг хамгаалж буудалд тусад нь өрөө авч өгье, Треворын талаар ярилцлага өгөөч гэж утастсан тухай эцэг нь тэдэнд мэдэгджээ. Эцэг нь ярилцлага өгөхөөс татгалзаж, хэдийгээр хүүтэйгээ байнга уулздаггүй ч тэр энэ хэрэгтэй холбоогүй, ямар ч буруугүй гэж хэлэхэд сурвалжлагч бууж өгөлгүй сонины газраас Треворт тусгай тэтгэлэг олгох талаар хөөцөлдөж өгнө гэж амалжээ. Сониныхон зорилгодоо хүрэхийн тулд хуруу хумсаа хугалах шахаж байв. Фостер тэдний энэ амлалт хоосон зэрэглээ төдий зүйл гэдгийг мэдэхийн сайнаар мэдэж байлаа. Сурвалжлагч татгалзсаар байгаа эцэгт нь уурлаж цөхрөнгөө баран, нэрийг нь хүүгийнхтэй нь хамт сонинд нийтэлнэ гэж сүрдүүлж байгаа нь Фостерын нүдэнд харагдах шиг болов.
Тревор Сузи Дансоны урьдчилан хэлж байсан сэжигтний шинж төрхтэй таарч байлаа. Ганцаардмал, азгүй амьтан, ээжийн эрх жаал. Бас өсвөр насны охидтой холбоотой жигшмээр хэрэгт буруутгагдаж байсан.
Фостер байцаалтын өрөөнд орлоо. Тревор сандарч сандлаа нааш цааш нь займчуулан хөдөлгөв. Түүний царай хэзээ хэзээгүй мэлмэрүүлэхэд бэлэн харагдана.
- Өдрийн мэнд, Тревор гэж Фостер мэндлээд
- Чамайг ирсэнд би их талархаж байна. Энэ бол албан ёсны байцаалт биш. Би чамтай зөвхөн хэдэн үг солилцохыг хүссэн юм.
Тревор үл мэдэг толгой дохиод өмгөөлөгч рүүгээ айсан харцаар харсанд өмгөөлөгч тээнэгэлзсэн маягтай хоолойгоо засаад
- Хэвлэл мэдээллийнхэн миний үйлчлүүлэгч рүү
анхаарлаа хандуулж, түүний талаар тодорхойгүй мэдээллүүд цацан дайрч довтолж байгаа тухай танд хэлэх хэрэгтэй гэж би үзэж байна. Энэ бүхнээс үзэхэд танай багаас ямар нэг хүн энэ мэдэээллийг гадагшаа мэдэгдсэн ...
Фостер барьж байсан хавтаст хэргийг ширээн дээр чимээтэй гэгч нь чулуудахад тэр яриагаа таслаж дахин үг хэлсэнгүй. Фостер өмгөөлөгчийг үл тоомсорлон харснаа Треворт хандан
- Чамайг энэ хэргийг хийгээгүй гэдгийг би мэдэж байна, Тревор. Яг одоо ингэж бодож байгаа хүн гэвэл магадгүй ганцxан би л байх гэж хэллээ.
Өөрт нь итгэл найдвар төрж байгаа нь Викерсийн цайж цонхийсон том нүүрэн дээр тодорч харагдав. Фостер түүний урьд нь буруутгагдаж байсан тухай бичсэн хавтаст хэргийг барилаа.
- Энд чи компьютероо засуулахаар аваачсан тухай байна. Үнэхээр тэнэг хэрэг шүү. Бага насны дөрвөн охины зургийг яаж нууцлахаа мэдэхгүй байгаа юм чинь арван дөрвөн настай охиныг нууж чадах хүн бол чи биш. Викерсийн нүүрэн дээр уур хилэн илрэв.
- Би тэднийг сургуулийн охидын хувцас өмссөн насанд хүрсэн эмэгтэйчүүд гэж бодсон гэж тэр аяархан хэллээ.
- Мэдээж чи тэгж бодсон. Гэхдээ чи дараа нь тэднийг бага насны охид гэдгийг мэдсэн гэж Фостер хэлээд хавтаст хэрэг рүү харснаа
- Нэг юм уу хоёр цагийн дараа гэсэн байх аа. Тэнд зөвхөн дөрөвхөн зураг байсан, урьд нь ийм хэрэг үйлдэж байсан гэх баримт олдоогүй учраас чи анхааруулга авчээ. Энэ асуудал ингээд дууссан биз дээ? гэлээ.
Тэр хавтаст хэргийг ширээ рүү буцааж чулуудлаа.
- Би чамайг бидэнд туслаж чадна гэж бодсон учраас энэ бүх дүрэм журмыг мартаж орхиё. Даваа гаригт чи юу хийсэн бэ?
- Тэр өдөр би ажлаасаа чөлөө авч, бараг бүхэл өдөржин гэртээ байсан. Би юм худалдаж авсан. Фостер лавлан асуух
мэт хөмсгөө өргөлөө.
- Онлайнаар гэж Викерс тодруулан хэлээд
- Компьютерт хэрэгтэй хэдэн юм гэлээ. Тийм гэж үү хэмээн Фостер бодсоноо
- Хэрвээ чамд төлбөр хийсэн тооцоо байвал зүгээр байна гэж хэлээд энэ тийм ч ашиг болохгүй биз гэж бодлоо.
- Чи өөр юу хийсэн бэ? Хаа нэг тийшээ явсан уу? Хүн амьтантай ярилцсан уу? Викерс хэсэг бодол болон сууснаа царай нь гэрэлтэн
- Үд дунд Шевертс Бушид байдаг номын санд ном хүргэж өгсөн юм байна. Гурав хагасын орчим. Барагцаалбал тэр үед Наоми Бэкингэм алга болсон байжээ.
- Ямар ном байсан бэ? Викерсийн царай нь улайж хүрэнтэн
- Би үүнийг заавал хэлэх хэрэгтэй юу? гэлээ.
- Чи биднийг арай хэлсэн болгонд чинь итгэнэ гэж бодсон юм биш биз? Бид номын сангийн бүртгэлд чамайг тэнд байсан эсэхийг шалгачихаж чадна. Хэрвээ энэ үнэн байх юм бол чамайг сэжигтэн биш гэж нотлох болно. Викерс газар ширтээд
- Шаналлаас ангижрах нь гэдэг ном гэлээ.
- Триллер юм уу?
- Үгүй, өөртөө туслах гарын авлага.
- Ямар учиртай юм бэ? Викерс улаан хүрэн болсон царайгаа дээш өргөн шийдэмгий харснаа
- Бүтэн гарчиг нь: Шаналлаас ангижрах нь буюу бодит биш зүйлийг дүрсэлж харахаас зайлсxийх арга гэж хэлэв.
Фостер уруулаа хазалснаа толгой дохиж, тэмдэглэл хийж авав.
- Чи Кэти Дрэйкэд санаатай байсан юм биш биз?
- Чи энэ асуултанд хариулах хэрэггүй гэж өмгөөлөгч хэлэхэд Викерс гараа сэгсчин үгүйсгэснээ
- Надад хамаагүй. Би Кэтид хайртай байсан. Би түүнд тохирохгүй гэдгээ мэдэж байсан болохоор үүнийгээ хэлээгүй. Энэ хариу нэхээгүй хайртайгаа яаж зохицож амьдрахаа би бодож байсан юм. Гэхдээ түүний үхэлд би буруугүй. Миний амьдрал одоо ямар ч утга учиргүй болчихоод байна гэлээ. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хэвээр ингэж хэлэх түүний хоолойд уур хилэн тод мэдрэгдэж байв.
- Номын сантай холбоотой асуудлыг бид тодруулж баталгаажуулна, Викерс. Бас хэвлэл мэдээлийнхэнд чамайг энэ хэрэгт холбогдуулж дахин байцаалт авахгүй гэж хэлнэ. Одоо би чамд Кэтигийн талаар хэдэн асуулт тавьж болох уу?
Энэ хооронд биеэ дахин эзэмдэж чадсан Тревор толгой дохилоо.
- Түүнд найз залуу байсан уу? Чи энэ талаар мэдэх үү?
- Үгүй.
- Тэр дэлгүүрт худалдан авагч нартай ярилцдаг байсан уу?
- Үгүй.
Энэ асуулт тус болохгүй бололтой гэж Фостер бодлоо. Түүнийг явуулсан нь дээр юм шиг байна. Гадаа сурвалжлагч нарт ярилцлага өгсний дараа гэртээ харьж сэтгэлийн шархаа эдгээнэ биз.
- Сүүлчийн асуулт. Чи Кэтигийн зан төрхөнд өөрчлөлт гарахыг ажигласан уу? Тревор шууд хариу өгсөнгүй, хэсэг дуугүй суулаа.
- Нэг юм болох нь болсон шүү. Өмнөх долоо хоногийн даваа гаригт бид саяхан нас барсан нэг эмэгтэйн эд зүйлсийг дэлгүүрт хүлээж авсан юм. Тэдгээрийг авчирсан хатагтай асрамжийн газарт ажилладаг юм байна лээ. Түүний хэлснээр нас барсан эмэгтэй төрөл төрөгсөд, гэр бүлийнхэнтэйгээ ямар ч холбоогүй, тэднийг олж чадаагүй учраас эд зүйлсийг нь дэлгүүрт авчирч байгаа гэсэн. Өрөвдмөөр шүү. Гэхдээ иймэрхүү зүйл байнга тохиолддог. Кэти энэ явдлаас болж хямарсан болохоор би их гайхсан. Түүнийг сэтгэлийн хөөрлөө барьж чадаагүй гэж буруугаар битгий ойлгоорой. Гэхдээ энэ түүнд их хүнд туссан. Тэр надад нас барахад дэргэд нь хүн байхгүй байна гэдэг үнэхээр өрөвдөлтэй юм гэж хэлсэн.
- Тэр өөр юм ярьсан уу? Тревор толгой дохиж
- Би бас түүнтэй адилхан бодолтой байгаагаа хэлсэн гэснээ Фостерыг өөрт нь итгэж байгаа болов уу гэж өөрөөсөө асуух мэт хараад
- Дараа нь тэр харин би одоо өөртөө дахиж санаа зовох хэрэггүй болсон гэж хэлсэн.
- Тэр юу гэж хэлэх гэсэн юм бол?
- Би сайн мэдэхгүй байна. Тэр Наомиг л хэлсэн байх.
- Гэхдээ тэр "дахиж санаа зовох хэрэггүй " гэсэн байна. Тэгэхээр урьд нь тэр өөрийг нь үхэхэд дэргэд нь хэн ч байхгүй гэж боддог байсан юм шиг сонсогдож байна.
- Харин тийм ээ. Тэр үед гаднаас өөр хүн орж ирээд бид энэ яриагаа орхисон. Дараа нь би энэ талаар бүр таг мартчихжээ. Одоо л саналаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:39 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 6:42 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Бүх асуултын хариуг тэндээс олох юм шиг Хадерын өгсөн нэрсийн жагсаалтыг Фостер анхааралтай уншиж байлаа. Тэдний мөрдлөгт ямар ч ахиц гараагүй байхад дахиад орой болчихжээ. Тревор Викерс энэ хэрэгт хамаагүй гэж тэр аль хэдийн боджээ. Хоёр ч удаа Наомитой төстэй охин харсан гэсэн мэдээлэл ирсэн боловч аль нь ч биш байлаа. Оройн таван цаг болохын үед Фостер албан өрөөнийхөө гэрлийг унтрааж, хаалгаа хаагаад Хадерын ирэхийг хүлээж байжээ. Түүнийг ирэнгүүт хаалгыг дотроос нь түгжихийг гуйгаад дараа нь тэд аяархан ярилцаж эхэллээ.
- Би уул нь олон нэрс хүлээж байсан юмсан гэж Фостер уцаарлан хэлэв.
- Наижл зөвхөн 1891 оноос хойшхи эмэгтэй талын удмынхныг олж чадсан. Түүнээс өмнөх нь тодорхойгүй байна. Магадгүй бидэнд одоогоор бүх төрөл төрөгсдийн тал хувь нь байгаа байх.
Фостер халзан толгойгоо илснээ компьютерын товчлуурыг дарж асаалаа.
- Энэ бидний ажлыг одоохондоо хялбар болгож байна. Эхлээд эдгээр нэрсийг Үндэсний сүлжээнд оруулж юу олохыг харъя. Дараа нь бусад хүмүүсийг олж чадна гэж Фостер хэлэв.
Тэр эхлээд эрэгтэй хүмүүсийн нэрсийг орууллаа. Давхцсан нэр гарах үед төрсөн өдрийг нэмж бичиж байв. Тэр нэг гэр бүлээс гаралтай гурван хайлтын үр дүн оллоо. Эхлээд Мартин Стами, түүний ах Дэвид. Мартин согтуугаар жолоо барьж байсан, бусдыг гэмтээсэн хэргээр шийтгүүлж байжээ. Дэвид даатгалгүй машин жолоодож байсан, бас бусдын биед гэмтэл учруулсан хэргээр гурван жил хорих ялаар шийтгүүлж шоронд суужээ.
- Гайхалтай гэр бүл байх чинь. Түүнтэй ярилцах хэрэгтэй л юм байна гэж Хадер шивнээд Мартин Стамигийн гэрийн хаягийг тэмдэглэж авав.
Гурав дахь хүн нь Кристофер Стами байв. Тэр хоёр удаа хар тамхины хэргээр хоригдож байсан бөгөөд гурван жил зургаан сарын өмнө алагджээ. Алуурчин нь олдоогүй ажээ.
- Энэ санамсаргүй тохиолдол юм болов уу? гэж Хадер эргэлзэн хэлснээ
- Энэ гурав гэр бүлийнхэндээ төвөг учруулдаг нилээн бүтэлгүй нөхөд байж шүү гэсэнд
- Эд нараас өөр ийм үл бүтэх нөхөд байсныг үгүйсгэх аргагүй л юм байна. Бүр маш муу хүн гэж Фостер хариу хэлэв.
Энэ бүхнийг хэрэгт шууд холбогдолтой гэж шууд дүгнэж болохгүй ч туршлагаас харахад энэ дүгнэлт буруу байх тохиолдол их байдаг гэж Фостер бодоод
- Бид тэд нарыг олж уулзана гэлээ.
Тэд дахин долоон эмэгтэйн нэрийг шалгаж үзсэнд анхаарал татахаар зүйл олдсонгүй.
- Энэ сүүлчийнх нь гэж Фостер хэлээд Леони Стами гэдэг нэрийг компьютерт оруулав.
Энэ охин дээрх гурван залуугийн үеэл нь ажээ.
- Хэдийгээр эдний гэр бүлд гэмт хэрэгтэн их байдаг ч энэ
охин дөнгөж арван долоотой болохоор ...
Фостер гэнэт дуугаа хураачихав.
Гадагшаа гарч тушаал биелүүлэхээр зэхэж байсан Хадер
- Яасан бэ? гэж асуулаа.
- Чөтгөр аваг!
- Юу болсон бэ?
- Леони Стами сураггүй алга болсон байна.
Фостер Хадер луу сандалтайгаа эргэж хараад
- Тэр арван дөрвөн нас хүрсэн төрсөн өдрөө алга болжээ гэж хэлснээ сандлын түшлэг дээр тохоостой байсан хүрмээ шүүрч авах зуураа
- Минийхээр бол энэ санамсаргүй тохиолдол биш байна гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:40 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 6:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
8


Мартин Стами Эссекст хамаардаг Пурфлит тосгоны гадна шинэхэн баригдсан байшинд амьдардаг ажээ. Энд гэмт хэргийн бүлэглэлд тодорхой үүрэг гүйцэтгэж хөрөнгөжсөн хүмүүс их байдаг билээ. Том зүлгэн талбай дээр дундад зууны үеийн цайзыг дуурайлган барьсан байшингууд хоорондоо их адилхан харагдана. Будилж төөрч мэдмээр хоорондоо учиргүй адилхан гудамжнуудыг сүлжин Мартин Стамигийн байшинг хайж байх үед Фостер нэг ч удаа инээмсэглэж харагдсангүй. Эргэн тойронд нь харагдах байшингууд зул сарын баярын чимэглэл зүүсэн мэт хурц гэрэлтүүлэг өлгөцгөөсөн нь сансраас ч харагдахаар тод гэрэлтэй байлаа. Тэдний байшингийн орой дээр Британы далбаа намирч харагдана. Бороо аль хэдийн зогссон ч агаарт чийглэг үнэр ханхийж байлаа. Тэдний хашаан дотор нэг нохой галзуурсан мэт хуцна. Хадер очиж хаалгыг тогшив.
- Наад амаа хамхи гэж дотроос нэг хүн хашгирсны дараа байшингийн үүдний хонгилд гэрэл асаж бүдэгрүүлсэн шилний цаана богино ханцуйтай цамц өмссөн том биетэй эрэгтэй хүний дүрс харагдлаа. Тэр хүн хэд хэдэн цоож онгойлгох сонсогдож дараа нь хамгаалалтын гинж зүүлттэй хэвээр хаалганд жижигхэн завсар гаргав. Сахлаа хусаагүй тэр эр нөхөрсөг биш хэдий ч царайлаг харагдах ажээ. Тэр хоёрыг цагдаагийнхан гэдгийг дор нь ойлгосон эр
- Та нарт юу хэрэгтэй вэ? гэж зэвүүцсэн маягтай асуув.
- Мартин Стами мөн үү?
- Та нар хэн бэ?
Фостер таних тэмдгээ үзүүлээд өөрийгөө болон Хадерыг танилцууллаа. Энэ хооронд нохой турхирсан мэт улам чанга хуцахад байшин дотор хаалга тасxийн хаах чимээ гарч нэг эмэгтэй хуцахаа болихыг тушаан орилоход нохой дуугүй болов.
- Метрополитаны Цагдаагийн Газар гэнэ үү? Та нар энд юу хийж явдаг билээ? хэмээн Стами асуулаа. Харрис өөрөөс нь яг ингэж асуух байсан даа гэж Фостер дотроо бодов. Тэр одоохондоо мөрдөх ажилтайгаа зууралдаж байг.
- Энэ хэргийн мөрдлөгтэй холбоотой юм гэж тэр хариулаад
- Бид дотогшоо ороод тантай ярилцаж болох уу?
Стами шоглосон байртай инээд алдлаа.
- Өө тэгэлгүй яахав, би энд олон ч цагдаа харсан даа. Эхлээд юуны талаар ярих гэж байгаагаа хэл, дараа нь би та нарыг оруулах эсэхээ шийдье.
- Леонигийн тухай юм аа гэж Хадерыг хэлтэл залуугийн царай хувьсхийн
- Та нар түүнийг олоо юу? гэж их л горьдсон бололтой шунамхайран асуулаа.
- Үгүй, гэхдээ бид охинтой холбоотой өөр нэг хэрэг дээр ажиллаж байгаа юм гэж Фостер тайлбарлаад
- Би учрыг гаргаж хэллээ. Одоо та биднийг дотогш оруулах юм биш үү? гэж асуув. Бороо дусалж эхэллээ. Стами тэднийг хэсэг гөлрөн харж зогссоноо гинжээ мулталж хаалга дэлгээд
- За орцгоо гэлээ. Тэр жинсэн өмд, хар хөх өнгийн гэрийн шаахай өмсжээ. Фостер. Хадер хоёр байшинд орлоо.
- Сайхан байшин байна гэж Фостер худлаа магтав.
- Үгүй яахав, энэ бол зөвхөн байшин шүү дээ гэж Стами бахархаж байгаагаа нуулгүй хэллээ. Зочдын өрөөнд орцгоосны дараа Фостер
- Энэ бүхний тулд та юу хийдэг юм бэ? гэж түүнээс асуув. Хана, буйдан, шалан дээр дэвссэн үслэг зузаан хивс, ханан зуух, тэр ч бүү хэл чийдэнгийн бүрхүүл хүртэл цайвар цагаан өнгөтэй ажээ. Таазанд өлгөсөн гэрэлтүүлгийн хурц гэрэлд нүдний торлог бүрхэвч нь гэмтэх юм шиг Фостерт санагдлаа. Энд ганцxан хананд тогтоосон адал явдалтай кино гарч буй асар том зурагт л өөр өнгөтэй харагдана. Дууг бараг эцэст нь тултал чангалжээ. Тэнд арав, арван нэгтэй болов уу гэмээр хүү, охин хоёр киноны үйл явдалд бүрэн автсан шинжтэй дэлгэц рүү таг ширтэн сууж байв.
- Алив эндээс хурдан зайлж, наад новшийн юмаа дээр өрөөндөө үзэцгээ гэж Стами хэлэх зуураа удирдлага авч зурагтаа унтраалаа. Хүүхдүүд өрөөнөөс годхийн үсрэн гарахад
- Та надаас юу асуусан билээ? гэж Стами бухимдсанаа нуулгүй асуув. Фостер түүний энэ бухимдсан шинжтэй байгаа нь ердийн зан нь юм байна гэдгийг мэджээ.
- Таныг юу хийдэг вэ? гэж асуусан юм.
- Мужаан, тэгээд ганц нэг халтуурын ажил гэж тэр шуухитнан хариулав.
Тийм биш л байна даа гэж Фостер бодлоо. Ийм том байшинг нэг мужааны ажил хийгээд авч чадахгүй нь ойлгомжтой. Онгорхой хаалгаар шаргал үстэй, царайлаг, гоолиг биетэй, гуч орчим насны нэг эмэгтэй орж иржээ. Хүүхдүүдийг далд орсны дараа эмэгтэй
- Эд чинь хэн бэ, хамууд чинь уу? гэж асуугаад Хадерыг үзэн ядсан харцаар харлаа.
- Мөрдөгчид гэж Стами хариулаад буйдан дээр алхайн сууж
- Тэд Леонитой хамаатай хэргээр ирсэн гэнэ гэж хариулсанд
- Тэд түүнийг олсон юм уу? хэмээн сэтгэл нь хөдөлсөн эмэгтэй дуу алдав. Хадер толгой сэгсрээд
- Харамсалтай нь үгүй гэж хариуллаа.
Фостер зөөлөн сандал дээр суухдаа ёолчихгүйг хичээв. Цаг илүү шахам жолооны ард суусан тэрбээр хамаг бие нь хөшжээ. Түүний гэмтэлтэй хөл, эгэм нь орой болохын алдад байнга янгинан өвдөж эхэлдэг ажээ. Одоо харин тэр өвчин намдаагч эм, улаан дарсаа уух хүртлээ шүд зуун тэсэх хэрэгтэй болжээ.
- Та нар цай эсвэл кофе уух уу? гэж эмэгтэйг асуухад Фостер толгой сэгсэрч, харин Хадер
- Аяга ус ууя гэж хэлэв. Хадерыг яагаад ийм их ус уудаг юм бол гэж Фостер дандаа гайхдаг ажээ.
- Надад нэг лааз пиво аваад ир дээ, хонгор минь гэж Стамиг хэлэхэд хүүхдүүдийн эх Фостерыг анхааралтай ажигласнаа өрөөнөөс гарлаа. Стами тэднийг ширүүн харцаар ширтсэн хэвээр юу ч дуугарсангүй. Фостерт энэ эр таалагдаагүй боловч үүнийгээ мэдэгдэхийг хүссэнгүй. Тэр Стами руу толгойгоо ойртууллаа.
- Бид шууд яриандаа орсон нь дээр гэж бодож байна, ноён Стами. Бидэнд Леонигийн талаар ямар нэг шинэ мэдээлэл байхгүй. Харин Лондонд алга болсон арван дөрвөн настай охин алга болсон хэргийг мөрдөх явцад бид түүнтэй холбоотой гэмээр хэдэн зүйл олсон.
- Сонин дээр нийтэлж, мэдээгээр гараад байгаа тэр охины тухай ярьж байна уу? Фостер толгой дохиод
- Тийм ээ гэж хариуллаа. Царайг нь ажиглахад Стами тэр тухай юу гэж бодохоо мэдэхгүй байгаа бололтой.
- Охины ээж алагдсан байх аа? Үнэхээр муухай хэрэг шүү. Миний бодлоор энэ хүүхэд хүчиндсэн хэрэг байх. Та нар тиймэрхүү новшнуудад дэндүү зөөлөн хандах юм. Тэднийг буцаагаад олны дунд оруулахаар дахиад ийм хэрэг хийж байгаа юм. Тэднийг зүгээр л нохой шиг шууд буудах хэрэгтэй. Эсвэл тэгж сул тавимаар байгаа юм бол эхлээд төмсгийг нь огтолж авах хэрэгтэй гэж тэр хамраа сарталзуулсаар уурсан хэллээ. Ямар нэг гэмт хэрэгтэн хууль эрхийн талаар мэдэмхийрч ярихад Фостер үнэн голоосоо дургүй боловч энэ удаа тэр үүнийгээ мэдэгдэхгүйг хичээв.
- Энэ хэрэг Леонитой ямар холбоотойг би ойлгохгүй байна гэснээ Стами
- Хүлээгээрэй, арай Леонигийн ээжийг бас алагдсан гэж хэлэх гэсэн юм биш биз? Хэмээн асуухад
- Бид тантай Леонигийн алга болсон хэргийн тухай ярилцъя гэж бодсон юм гэж Фостер хэллээ.
- Хэргийн тухай гэнэ ээ? Юу яриад байгааг чинь би ойлгохгүй байна. Бидний олж мэдснээр ээж нь героин хэтрүүлж хэрэглэснээс болж үхсэн. Новшийн янхан. Тэр маш их асуудалтай байсан. Гэр нь гэж нэг новширсон гахайн оромж шиг юм байсан юм даг. Өөрөө эр сүвтэй болгонтой хавьтана. Нэг орой тэр тунгаа хэтрүүлээд, дараа нь тэгээд л гүйцээ. Тэгэхэд хэдэн цаг болж байсныг Леони мэднэ. Түүнийг Гэритэй хамт хүүхдийн асрамжийн газарт хүргэх хэрэгтэй байсан юм. Би тэр үед... Би тэр үед байгаагүй болохоор тэднийг гэртээ авчирч чадаагүй. Миний ах Дэви өөр газар ажилтай байсан учраас асуудлыг шийдэх боломжгүй байсан. Миний бас нэг ах Кристофер хэдэн жилийн өмнө нас барчихсан тул хөөрхий охин хаана ч очиж чадахгүй болсон. Дүүгээ орхиж явсанд нь би Леониг буруутгаж чаддаггүй. Гэри асрамжийн газарт очсон.
- Гэри одоо хэдэн настай вэ? гэж Хадер асуулаа.
- Арван нэгтэй гэж бодож байна. Миний бодлоор тэр олон асрагч эцэг эхийн нүүр үзэж байгаа байх.
- Леониг зугтсан гэж та боддог уу?
- Үгүй яахав, та нарыг ирэх хүртэл. Энэ хэргийг хариуцаж байсан танай хамтрагчдаас бид ингэж ойлгосон. Гэхдээ энэ бүрхэг хэвээрээ байгаа.
- Охины талаар дахиж юу ч олж сонсоогүй юу?
- Юу ч сонсоогүй.
- Түүнийг хаашаа явсан гэж та бодож байна?
- Лондон явсан гэж би боддог. Тэр эх гэж нэрлэгдсэн новшийн эмэгтэйд баймгүй ухаалаг охин байсан. Гэхдээ Лондонд тэр яаж өөрчлөгдөхийг би мэдэхгүй шүү дээ. Энэ талаар бодохгүй байсан нь дээр гэж би үздэг юм.
- Түүнд очих өөр хамаатан садан байхгүй юм уу?
- Үнэндээ түүнд биднээс өөр хамаатан садан байхгүй. Нэг ах маань аавынд сууж байгаа, нөгөө ах маань нас барсан. Түүний эхнэр өөр хүнтэй дэр нэгтгэсэн. Ингээд л болох шив. Тэгээд ч бид чинь боловсон сайхан гэр бүл биш.
Стамигийн эхнэр лаазтай пиво барьсаар орж ирлээ. Тэр пивоны лаазыг сурмаг онгойлгоод том балгав.
- Эд нар энэ мэдээгээр гараад байгаа сураггүй алга болсон охины хэрэг Леонигийн алга болсонтой холбоотой гэж бодоод энд ирсэн гэнэ.
- Эх нь алагдсан охин уу? гэж эхнэр нь асуулаа.
- Тийм ээ. Ямар холбоотой болохыг ёстой мэдэх юм алга. Жилли героин хэрэглэдэг байсан. Тэр хэрэглэх тунгаа хэт хэтрүүлснээс болж нас барсан. Миний бодлоор тэр алагдаагүй. Түүнийг алах ер нь хэнд хэрэгтэй байсныг би мэдэхгүй юм байна.
- Бид Леонитой яг адилхан арван дөрвөн насныхаа төрсөн өдөр алга болсон охиныг эрэн сурвалжилж байгаа гэж Фостер тэдэнд туслах зорилготой хэлээд
- Санамсаргүй тохиолдол байх гэж бодож байсан ч бид энэ хэргүүдэд холбоо байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж шийдсэн юм. Леонигийн талаар бид зөвхөн хавтаст хэрэгт байгааг л мэднэ. Түүний эцэг нь хэн байсан юм бэ? гэж асуулаа.
Стами үл тоомсорлосон маягтай хамраа шуухитнуулан мушийснаа
- Эссекст байдаг эрчүүдийн тал нь ч байж мэднэ. Миний эгчийг ер нь хормой султай хүн байсан гээд л ойлгочиход болно гэлээ.
- Леони, Гэри хоёр эцэг нэгтэй юу? гэж Хадерыг асуухад
инээдээ барьж дийлэхээ больсон Стами хамраа улам
шуухитнуулан чанга хөхрөв. Эхнэр нь бас түнийг дагаад хөхөрч эхэллээ.
- Чи сонсов уу, хонгор минь? гэж Стами хэлснээ толгой сэгсрэн
- Тэр Леони, Гэри хоёрыг эцэг нэгтэй юү гэж асууж байна? гэлээ. Тэр хоёр нэг хэсэг инээлдсээр байлаа. Фостер Хадер луу харвал тэрбээр зэвүү нь хүрсэн бололтой уруул дээр нь хүйтэн инээмсэглэл тодорсон харагдана. Хэсэг хугацааны дараа Стами тайвширч, Хадерыг хараад гараа өргөн
- Уучлаарай, хонгор минь. Үнэхээр уучлаарай. Миний инээсний учрыг мэдээд чи намайг ойлгох болно. Гэри бол эрлийз хүүхэд, эцэг нь нигер байсан юм гэв.
Нигер гэдэг үгийг сонсоод Хадерын бие чангарахыг Фостер мэдэрлээ. Хадер Стамиг хүн доромжилсон хэргээр баривчлахыг завдахаас өмнө Фостер асуудлыг гартаа авахаар шийдэв. Тэр нөгөө эрийн нүд рүү эгцэлж хараад
- Ноён Стами, бидний дэргэд хэлж байгаа үгэндээ анхаарвал дээр санагдах юм гэж хэлэв.
- Би хичээе гэж хэлсэн боловч Стами лаазтай пивоо авч уух үедээ инээсэн хэвээр Хадерыг харав. Хадер биеэ суллаагүй байгааг Фостер мэдээд асуудлаа хурдан дуусгая гэж бодлоо.
- Леони ээжтэйгээ дотно байсан уу?
- Мэдэх юм алга гэж Стамиг хариулахад эхнэр нь
- Ёстой үгүй шүү гэж хэлээд
- Мартины хэлснээр Жиллиан хар тамхи хэрэглэдэг том асуудалтай байсан. Тэр дандаа л энэ ертөнцөөс тасарчихсан явдаг байсан. Яг үнэндээ Леони хурдан насанд хүрэх хэрэгтэй байсан гэхэд болно. Тэр насандаа баймгүй их ухаалаг хүүхэд байсан. Дүүгээ өсгөх хэрэгтэй байсан нь ч үүнтэй холбоотой. Тэр үед дүү нь их дүрсгүй хүүхэд байсан. Өөрөөр яах ч байсан юм билээ тэр хөөрхий амьтан. Эцэггүй, эх нь хар тамхичин юм чинь. Леонигийн бүгдийг амжуулах гэж хичээж байгааг хараад би бүр гайхдаг байсан. Түүнийг дүүгээ орхиж зугтсанд би ердөө ч уурладаггүй. Эх нь өнгөрсний дараа асрамжийн газар очно гэдэг түүнд ямар байх нь ойлгомжтой шүү дээ гэв.
- Охин ээжийгээ олсон юм уу?
- Бид л тэгж бодсон юм гэж хатагтай Стами хэлээд
- Охин тэр өдрөө алга болсон. Тэр сургуулиасаа ирсэн нь илт цүнх нь гэртээ байсан гэсэн. Эх нь орон дотроо үхчихсэн байсан. Бидний бодлоор Леони нас барсан эхийгээ олж харсны дараа гадагшаа шууд гараад явчихсан байх гэлээ.
Фостер, Хадер хоёр хурдан харц солилцлоо. Тэд адилхан юм боджээ.
- Гэри хаана байсан юм бэ? гэж Хадер асуулаа.
- Зан төрхийн өөрчлөлтийн эмчилгээндээ явсан байсан. Гэри гэртээ ирээд аюулын харанга дэлдсэн. Яг үнэндээ тэр гэртээ ирээд хагас цаг хиртэй зурагт харж сууснаа эхийгээ босгож хоол хийлгэхээр дуудсан гэсэн. Тэгээд эхийгээ сэрэхгүй болохоор хөрш айлын эмэгтэйг авчирч, тэр нь цагдаа руу утасдсан юм билээ.
Фостер босож зогсоод
- Цаг гаргаж ярилцсанд тань талархлаа. Та нар бидэнд үнэхээр тус боллоо. Хэрвээ Леонигийн талаар сураг гаргавал бид та нартай холбоо барина гэж хэлэв. Толгой дохих Стами бүр манараад нүд нь гөлийчихсөн харагдана. Түүний уусан пиво эхнийх биш байсан нь ойлгомжтой. Тийм учраас эхнэр нь яриаг үргэлжлүүлсэн ажээ.
- Гэри одоо хаана байгаа вэ? гэж Фостер хаалганы дэргэд очсон хойноо асуув.
- Хамгийн сүүлд сонссоноор тэр хотын захиргааны харьяа хүүхэд асрах газарт байгаа гэсэн гэж эмэгтэй хариулснаа
- Охиныг олох ажилд чинь амжилт хүсье гэж нэмж хэлээд гэр лүүгээ буцаж орлоо.
Тэд шаагин орж байгаа бороон дундуур Фостерын машин руу явцгаав. Машинд суусны дараа ч Хадер ууртай хэвээрээ байгааг Фостер анзаараад
- Чамд тэр ямар санагдав? Үл бүтэх нөхөр үү эсвэл аюултай этгээд үү? гэж инээд алдан асуулаа.
- Яадаг муу новш вэ. Зарим эмэгтэйчүүд яагаад ийм юмыг нүдээ аниад өнгөрөөдгийг ерөөсөө ойлгохгүй юм гэж Хадер Фостерын асуултанд хариулахаас гадна өөрийн бодлоо давхар хэлэв.
- Чи юу гэж бодож байна?
- Энд адилхан зүйл их байна. Ээж нь үхсэн өдөр охины төрсөн өдөр байсан, бас тэр алга болсон. Охин арван дөрвөн настай байсан. Энэ санамсаргүй тохиолдол байж болно. Хагас сая хүнд байдаг нэг төрлийн ДНК-гийн дээж таарсан гэхээс өөр хэлэх юм одоохондоо бас алга. Энэ Мартин гэдэг нөхөр энэ хэрэгт холбоотой гэж чи бодож байна уу?
- Хэн мэдлээ. Хоёулаа дараа дахиж ирье гэснээ Фостер машинаа асаагаад
- Дахиад өөр юм олдох нь уу, жаахан шиншлээд үзэцгээе. Эхлээд Гэри гэдэг тэр бяцxан амьтныг олох хэрэгтэй гэж хэлэв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:41 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 7:09 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
9


Хортон Сара Ровли нарын өнгөрсөн амьдралын ул мөрийг хэн нэгэн зориуд арилгачихсан мэт Наижлын хийсэн оролдлого бүр мухардсан тул тэр жаахан унтаад авбал өөр хэрэгтэй санаа төрж магадгүй гэж боджээ. Гэвч өнөө өглөө ажилд нь дахиад ямар ч ахиц гарсангүй.
Өнөөдөр Наижл юу хийхээ ч мэдэхээ байжээ. Өөрт нь хийх ажил их байгаа хэдий ч тэр Фостер, Хадер хоёрт туслахыг үнэхээр хүсэж байлаа. Дээр нь телевизийн нэвтрүүлэгт оролцмоор байдаг. Тэр энэ долоо хоногийн эхээр Кенсал Грийн дэх оршуулгын газарт байснаас хойш тэднээс сураг сонссонгүй. Тэд авсан бичлэгээ шалгах үедээ өөрийг нь шоолж баахан хөхрөлдсөнийхөө дараа илүү дээр авьяастай хүн олж авсан юм байлгүй дээ. Нэгэнт би өөрөө зурагт үзэхээс илүү радио сонсох нь дээр гэж үздэг болохоор ямар хамаатай юм гэж Наижл бодлоо. Гэхдээ Наижл зурагтаар гарсныхаа дараа өөрт нь юу тохиолдох бол гэж бодох бүрт сэтгэл нь их хөдөлж байжээ. Гудамжинд тааралдсан хүн бүр өөрийг нь танина гэж бодох уул нь сайхан санагдсан юмсан. Сайн уу, Наижл Барнес гээд л. Өрөөнөөсөө цухуйдаггүй тэр эрийг бүх хүн таньдаг болох байсан юм. Тэр компьютероо асааж цахим шуудангаа шалгавал найруулагчаас зурвас ирээгүй байжээ.
Наижл унтлагын хувцсан дээрээ судалтай гэрийн халатаа нөмрөөд гал тогоо руугаа олвол цонхоор тусах өвлийн илч муутай нарны гэрэлд нүд нь гялбалаа. Өглөөгүүр тэр ихэвчлэн шарсан талх иддэг ажээ. Сүүлд авсан хөрөнгөөр исгэж барьсан талхны үлдэгдэл хатчихсаныг хараад Наижл өнөөдөр шинэ талх худалдаж авахаа мартаж болохгүй юм шүү хэмээн бодох зуур хэрчим талх авч талх шарагчинд хийлээ. Дараа нь ус буцалгагчаа залгачихаад гудамжны эсрэг талд харагдах асар том барилгын раамыг харснаа тэд үүнийг хэзээ барьж дуусах юм бол гэж бодов. Хэдийн нэг жил өнгөрч, гадуур нь бүрсэн бүтээлэг нь салхинд салбарч урагдсан энэ барилгыг харсаар Наижл бүр залхаж гүйцжээ. Тэд одоо тэнд юугаа хийгээд байдаг байна аа?
Түүний бодлыг хярвасны үнэр тасаллаа. Талх шарагчаас өтгөн хар утаа суунаглахыг харсан Наижл түлэгдсэн талхаа хурдан гаргаж авав. Хоол хаяхыг үзэн яддаг тэрбээр хутга авч талхаа хуссан боловч энэ удаад нэмэргүй болжээ. Наижл духаа алгадаад би шинэ талх шарагч авах хэрэгтэй юм байна даа гэж бодлоо. Эсвэл шарах шүүгээгээ засуулчихвал талхаа шарж чадна. Сайн чанарын гал тогооны хэрэгсэл авъя гэхээр Лондонгийн энэ хавчиг давчуу байранд багтахгүй. Хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө авсан талхаа эвдэрхий шарагчаас болж хаях нь түүнд хайран санагджээ. Тэр түлэгдсэн хавчуургатай талхаа харснаа энэ уул нь сайхан амттай цагаан талх байсан ш дээ, тийм байсан гэдгийг нь одоо харин ДНК-гийн шинжилгээгээр л батлах байх даа гэж бодсноо өөрийгөө шоолон инээд алдав.
Тэгтэл Наижлд нэг санаа төрлөө.

Өвөг дээдсийг судалдаг Угсаатны зүйн институт Илeнгийн нэр усгүй гудамжинд байдаг улаан тоосгоор барьсан хэлбэрийг нь тодорхойлж хэлэхэд хэцүү нэг барилгад байрладаг ажээ. Наижл хамгаалагч болон зочид хүлээн авагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг ажилтанд өөрийнхөө ирснийг мэдэгдсэнээс хойш таван минутын дараа битүү хууз сахал болсон, цэнхэр нүдтэй доктор Крис Вэстерберг хүрч ирэн гарыг нь элгэмсгээр дотночлон барив.
- Чамайг дахин харсандаа баяртай байна, Наижл гэж Өмнөд Ирландын аялгатай доктор халуун дулаанаар мэндэллээ.
- Би ч гэсэн чамтай уулзсандаа баяртай байна, Крис. Ажил төрөл чинь хэр байна даа?
- Гомдоллоод байх юм алга аа. Эндэхийг олоход амархан байсан уу? Чи машинаар ирсэн биз дээ? гэж Вэстерберг асуулаа.
- Метрогоор ирсэн. Би машин барьдаггүй.
Доктор нүүрэн дээрээ инээмсэглэл тодров.
- Би бүр мартчихсан байна шүү дээ. Зээлийн карт, машины аль нь ч байхгүй залуу. Сүүлчийн цыган. Өөрийн бодол өөртөө зөв. Машин жолоодох хэрэггүй юм чинь хичнээн уусан ч болно. Дандаа хохирол амсаж байдаг хүмүүсээс шал өөр. Миний бодлоор чи их өөрчлөгджээ, Наижл! Наижл өөрийн эрхгүй инээд алдлаа. Ирланд эрийн үргэлж хошигнодог байсныг тэр бараг мартах шахжээ.
- Бидний сүүлчийн уулзалтаас хойш нилээд хугацаа өнгөрсөн байна шүү, тийм ээ?
- Харин тийм ээ гэж Наижл хариулах зуураа жил хагасын өмнө умардад байдаг нэг мужийн, одоо нэрийг нь мартсан, хотод болсон гэр бүлийн түүхийн тухай залхуу хүргэсэн бага хурал дээр би түүнтэй таарсан юм байна гэж дотроо бодлоо. Тэгэхэд Вэстерберг өөрийн компаниа төлөөлөн оролцож хүмүүст ДНК-гийн дээж, шинжилгээний талаар хүмүүст сурталчилжээ. Тэд хоёр ч удаа шөнө орой болтол хамт суун ууцгааж, халамцсан тэрбээр гэр бүлийн түүхэнд ДНК-ийн судалгааны гүйцэтгэх үүргийн талаар ярилцаж маргаан өрнүүлсэн билээ. Тэд энэ уулзалтандаа үнэхээр сэтгэл хангалуун үлдэцгээжээ. Вэстерберг бол удам судлал, гэр бүлийн түүх судлалд генетикийн шинжлэх ухаан том нээлт хийнэ гэж үздэг хүмүүсийн нэг ажээ. Харин Наижл бол үл итгэгч нарын нэг. Вэстерберг Наижлыг дагуулан цахилгаан шат руу явлаа. Тэд дээшээ нэг давхар өгсөж, дараа нь уйтгар төрүүлэм урт хонгилд байрлах новшиндоо дарагдсан нэг жижиг өрөөнд орж ирцгээв.
- Замбараагүй байгааг минь уучлаарай. Энэ өрөөнд би нэг хамтрагчтайгаа суудаг юм. Түүнийг Шотландаас ирсэн гэдгээс өөр мэдэх юм надад байхгүй. Кофе уух уу? Наижл хамт кофе уухыг зөвшөөрөв. Вэстерберг хэсэг алга болсноо уур савссан хоёр аягатай кофе барьчихсан буцаж ирлээ.
- Уучлаарай, надад уусгадаг нунтаг кофе л байна. Шүүдэг кофе байхгүй гэж Вэстерберг хэлснээ бичгийн ширээ рүүгээ очиж суугаад Наижлыг элгэмсгээр инээмсэглэн харав.
- Дайны талбараар чинь сонин юу байна даа?
- Онцын юмгүй гэж хариулсан Наижлын царай хувьсxийв. Вэстерберг хэлсэнд нь итгэж чадахгүй байгаа бололтой
- Ингэхэд чи надаар тоглоод байгаа юм уу? Чиний талаар бичсэн олон сонинг би харсан. Цагдаагийнхан нэг цуврал алуурчинг барихад чи тусалсан байна лээ гэж хэлээд исгэрлээ.
- Үгүй яахав, гэхдээ энэ чинь ганцхан удаа болсон явдал шүү дээ.
- Чи өөрийгөө дэндүү доош нь дараад байна, Наижл. Энэ зөвхөн ганц удаа тохиолдсон гэнэ шүү. Энэ бол маш их үнэ цэнэтэй зүйл.
- Чиний зөв гэж Наижл хэлээд түүний хийдэг ажил одоо олны анхаарлыг илүү татдаг болсныг саналаа. Тэгээд
- Чамайг бас нэг алуурчинг барихад тусалж магадгүй гэж би бодсон юм хэмээн хэлэхэд Вэстерберг нүдээ том болгосноо
- Ээ ...есүс минь, Энэ чинь одоо юу болоод байна аа? Чи одоо Таксины жолооч дээр гардаг гудамжийг арчиж өгдөг залуу шиг байх чинь гэлээ.
- Цагдаагийнхан намайг дахиад тус болооч гэж гуйсан гэж Наижл түүнд тайлбарлахдаа аль болох даруухан загнахыг хичээв.
- Хэн алагдсан юм бэ?
- Харамсалтай нь энэ нууц. Би цагдаагийнхантай зөвлөлдсөний эцэст мөрдлөгт хэрэгтэй судалгаа хийхийн тулд чамтай ярилцаж байгаа юм гэж Наижл хэллээ.
- Энэ ойлгомжтой. Яг юу мэдэх хэрэгтэй байгаа юм бэ?
- Чамайг надад жаахан цаг гаргана гэж би найдаж байна. Эцсийн эцэст би бол дамжуулах л үүрэгтэй хүн. Цагдаагийнханд хүн амины хэрэг гарсан газраас олдсон үсний митохондрын ДНК байгаа. Тэр нь эрэгтэй хүнийх, харин хохирогч нь эмэгтэй хүн. Энэ хоёрын мтДНК нь адилхан юм байна. Шинжээчдийн үзэж байгаагаар хохирогч, үсний эзэн хоёр нэг эмэгтэйн удмын хүмүүс гэнэ.
- Иймэрхүү юмыг бид чиний төлөө шинжилж өгч чадна.
- Баярлалаа. Гэхдээ би ийм шалтгаанаар энд ирээгүй. Мөрдлөгийн ажил мухардчихаад байгаа. Тэдэнд одоохондоо ганцxан энэ үс, мтДНК-ийн дээжийн хариу, эмэгтэй талын удмын хүмүүсийн нэрс л тодорхой байгаа. Цагдаагийнхан надад хохирогчийн удмын модыг судлах, мөн адил мтДНК-тай энэ удмын амьд хүмүүсийг олох даалгавар өгсөн. Вэстерберг царайгаа төв болгон Наижл руу тонгойлоо.
- Наижл, одоо чиний яриад байгаа тэр эмэгтэй талын элэнц хуланц хэдэн мянган жилийн өмнө амьдарч байсан байж ч магадгүй гэдгийг ойлгож байна уу? Энэ ДНК чинь нэг удмын тав зургаан үеэр хязгаарлагдахгүй. Энэ чинь бүх хүн амын тав зургаан хувьд ч байж болно шүү дээ. Наижл түүний хэлснийг хүлээн зөвшөөрч толгой дохиод
- Тийм учраас л чиний хэрэг болоод байна. Чи өөрийнхөө олсон аргаар энэ эмэгтэй удмын хэлхээ холбоо хохирогчийн удмын аль үед холбогдсоныг илрүүлж чадах уу? гэж асуув.
Вэстберг толгойгоо сэгсрэн
- Үгүй гэлээ.
- Чөтгөр аваг.
Наижл би энд цаг дэмий үрж байна гэж бодов.
- Хэрэв...
- Хэрвээ юу гэж?
Вэстберг арагшаа налж суугаад
- Чамд үснээс гаргаж авсан ДНК-типийн хариу байгаа юу? гэж асуулаа. Наижл бүх чадлаараа чармайлт гаргасны үр дүнд Хадераар Фостерыг ятгуулан байж, эцэст нь цахим шуудангаар ДНК-ийн хариу гэгдэх дараахь хэдэн тоон цифрийг хүлээж авсан ажээ.
16111 16290 16319
Хоёр дахь хувьсах хэлбэр 64 146 153
Тэр хариуг хуулж авсан цаасаа гаргаж Вэстбергт өглөө. Эрдэмтэн цаасыг хэсэг ажиглан харж сууснаа ширээн дээр тавив. Тэгээд тэр хууз сахлаа илэнгээ
- Чи азтай байж магадгүй юм шиг байна гэж хэлэв.
- Юу гэсэн үг вэ?
- Энэ ДНК-гийн типэд хамаардаг бүлэг ховор байдаг юм. Өөрөөр хэлбэл ийм ДНК-тай хүмүүс цөөхөн гэсэн үг.
- Хичнээн?
- Би үүнийг мэдэхгүй. Чамайг азтай гэсэн нь үүнээс болсон юм биш. Юу ч гэсэн эхлээд хараадахъя. Вэстберг компьютертоо хариуг оруулж анхааралтай харж сууснаа толгой дохилоо.
- Энэ ДНК байдаг хүмүүсийн элэнц нь Хойд Америкийн уугуул, индиан эмэгтэйгийн удмаас гаралтай юм байна.
- Үүнийг чи энэ цаасны тасархай дээрээс харж чадлаа гэж үү?
- Цаасан дээр байгаа мтДНК-ийн хаплотипийг бусад хаплогрупптэй харьцуулж, био газарзүйгээр өвөг дээдсийг нь тодорхойлж гаргасан юм. Вэстберг хөрсөн кофегоо уулаа. Наижл кофены аяган дээрх гадил жимсний зургийн доор МИНИЙ ДНК-ГИЙН ХАГАС ӨӨР НЭГ ГАДИЛЫНХТАЙ АДИЛХАН гэж бичснийг олж харав. Тэр энэ үнэн болов уу гэж өөрөөсөө асууснаа гэртээ хариад интернет дээр заавал хайж үзнэ гэж бодлоо.
- Хүний мтДНК, түүний хувирсан мутацыг судалснаар түүний элэнц хуланц хаанаас гаралтайг бид тодорхойлж чадна. Энэ ДНК индиан элэнц хуланцаас гаралтай хүмүүст байдгийг бид мэдэж байгаа болохоор үсний эзний өвөг дээдэс нь Хойд Америкийнх байх боломжтой. Надад нилээд хэдэн мэдээллийн сан шүүж үзэхэд хоёр хоног шаардлагатай, дараа нь би чамд энэ эмэгтэй удмын өвөг дээдэс аль овог аймагт хамаардгийг хэлж өгч магадгүй.
Наижл босож зогсоод
- Чи үнэхээр хохирогчийн элэнц хуланц Широкэ, Сиуш эсвэл Апачигаас гаралтай гэдгийг тодруулж чадах уу? гэж гайхан асуулаа. Вэстберг инээд алдсанаа
- Үгүй, яг нарийн тодорхой биш. Ихэнх хаплотип олон овог аймагт адилхан байдаг, эсвэл хэдхэн ураг төрлийн холбоотой овог аймгаар хязгаарлагдсан байдаг. Үүнийг бид тодорхойлж чадна гэж хэлээд гайхаж биширсэн хэвээр зогсох Наижлыг хараад
- Би чамд генетикийн удам судлал ирээдүйтэй шинжлэх ухаан гэж хэлсэн биз дээ гэж хэллээ. Наижл хэдийгээр энэ бүхнийг биширч байсан боловч индианчууд ямар ч архивын материал хадгалдаггүй байсныг сайн мэдэх билээ. Судалгааны ажилд яг одоохондоо ахиц гарсангүй. Хэрэв...
Кэти Дрэйк индиан хүнтэй огт адилгүй харагдаж байсан. Хэдэн зуун жилийн өмнө Америкт анхны шилжин суурьшигчидтай очсон Дрэйкийн удмынхны цусан төрөл тэр нууцлаг эмэгтэйн цустай холилдсон гэж үзэж болох юм. Гэхдээ энд бас өөр тодорхойлолт ч байж болно.
- Тэр индиан эмэгтэйтэй энэ цусан төрөл хэзээ холилдсоныг чи тодорхойлж чадах уу? Вэстберг босоо ширүүн үсээ арагш нь илээд
- Чи үүнийг мэдэж яах гэсэн юм бэ? гэж хөмсгөө зангидан асуув.
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Би зөвхөн мөрдлөгийн ажилтай холбоотой хохирогчийн эмэгтэй талын удмынхныг судалж олохыг оролдсон юм. Гэтэл би архивт цааш ...
- Би мэдсэн юм аа! хэмээн Вэстберг ширээгээ чанга алгадан хэлээд
- Би мэдсэн юм. Чамд зөвхөн би хэрэгтэй. Чиний ажил мухардчихсан. Тэгээд чамд тусламж хэрэгтэй болжээ. Тэр нэг залхуутай бага хурлын үед бааранд сууж байхдаа чи надад юу гэж байлаа? гэснээ шанаагаа тулж суулаа.
- Хүлээж бай даа, одоо саналаа. Генетикийн удам судлал бол өчүүхэн юм. Маш их мөнгө олж болох ч энэ бол нэг муу өчүүхэн юмнаас цаашгүй гээд байсан биз дээ. Вэстбергийн нүд нь гялалзан хөөрч баярласандаа ширээгээ дахин нэг чанга алгадахад Наижл үнэхээр овсхийтлээ цочив.
- Би бүгдийг нэг дүгнэж үзье, Наижл. Намайг тэр индиан ДНК хэзээ энэ удамтай холилдсоныг олж өгөхийг чи хүсэж байгаа юм байна. Дараа нь чи энэ удмын ул мөрийг архивт дахиж судлах гэсэн юм уу?
- Товчхондоо бол тийм, энэ их тус болно.
- Энэ боломжгүй.
- Юу? Үнэхээр боломжгүй гэж үү?
- Багаар хэлэхэд энэ боломжгүй болжээ.
- Чи түрүүн үүнийг хэрэглэж болно гэсэн биз дээ.
- Магадгүй л юм. Иймэрхүү мэдээллийг судалж гаргадаг, гэхдээ одоохондоо нийтийн дунд хэрэглээгүй байгаа нэг аргыг би нээсэн. Энэ бол тооны ухаантай холбоотой юм. Энэ индиан эмэгтэй хэзээ удмын модонд холилдон орж ирснийг мэдэхийн тулд хичнээн индиан ген байгааг тодорхойлох хэрэгтэй. Найм дахь ген индианых байвал өвөөгийн өвөө нь индиан, арван зургаа дахь ген индиан гэвэл өвөөгийн элэнц өвөө индиан байсан гэсэн үг.
- Хүнд хичнээн индиан ген байгааг чи яаж тодорхойлох вэ?
- Тив, эх газруудын хүмүүст олонтаа тохиолддог ДНК-ийн өөрчлөлтийг судална. Жишээлбэл: Африкчууд, Дорнод Азийнхан, Европчууд, эсвэл Хойд Америкийн индианууд гэх мэт. Бүхэл бүтэн тивд ДНК-ийн хэдэн зуун өөрчлөлтийг харж болдог ч Хойд Америкийн индианууд гэх мэт зарим онцлог бүлгийн ДНК байнга өндөр давтамжтай өөрчлөгдсөн байдаг. Энэ үзүүлэлтээр өвөг дээдсүүдийг тодорхойлоход ашиглана. Шүүх эмнэлгийн лабораторт шинж тэмдгийг тодорхойлохын тулд зөвхөн хэдэн зуун үзүүлэлтийг хэрэглэдэг. Бид энэ хэдэн зуун үзүүлэлтийг генийн түвшинд задалж ямар овог аймаг эсвэл үндэс угсаагаас гаралтайг олохын тулд компьютерын программ ашиглаж тодорхой нэг генийн өөрчлөлт аль түвшинд хичнээн удаа илэрч байгааг гаргаж ирнэ. Дараа нь Европ, Африк эсвэл Хойд Америкийн элэнц хуланцын ген хичнээн хувь эзэлж байгааг тооцоолно. Дээжид индианы ДНК хичнээн хувь байгааг тодорхойлж гаргаснаар удмын аль үед энэ ген орж ирснийг тодорхойлж болно.
- Энэ шинжилгээний хариуг чи ашиглаж чадах уу?
- Үгүй?
- Өө. Вэстберг Наижлын өгсөн код бичсэн цаасыг авч ширээн дээр болгоомжтой дэлгэн тавилаа.
- Надад ганцxан энэ цааснаас өөр шинжилгээ хийх дээж алга. Хэрвээ надад ДНК-ийн материал байсан бол энэ шинжилгээг хийж чадна.
- Цагдаагийнхан тэр үсийг өгнө гэдэгт би эргэлзэж байна.
- Надад үсний хэрэг байхгүй. Хохирогч эмэгтэй, үсний эзэн хоёр нэг эмэгтэйн удмынх гэсэн биз дээ.
- Тийм ээ гэж Наижл инээмсэглэсэн хэвээр эргэлзэнгүй хэлэв.
- Тэгвэл тэр эмэгтэйн ДНК-ийн шинжилгээгээр индиан эмэгтэйн мтДНК хэзээ энэ удмынханд холилдон орж ирснийг тодорхойлж болно. Харин чи тэр цогцосноос дээж авах хэрэгтэй.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:44 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 8:57 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
10


Гэри Стами өөртөө итгэлтэй харагдахыг хичээн биеэ тоосон маягтай элгээ тэвэрч суужээ. Үзэн ядалтаар дүүрэн харцыг нь эс тооцвол хүү кофены өнгөт арьстай, богиносгож тайрсан, долгионтсон хар үстэй тэнгэрийн элч шиг харагдах ажээ. Энэ өхөөрдөм хөөрхөн харагдах арван нэгэн настай хөвгүүний дотор хэдийн шийтгүүлж амжсан цэвдэг сэтгэлтэй нэгэн нуугдаж байлаа. Найман настайгаасаа эхлээд дөчин таван хэрэг үйлдсэн гэдгийг Фостер уншаад нүдэнд нь нулимс цийлэгнэв. Ихэнх нь хулгай, ялангуяа орон байрны хулгай байлаа. Нэг удаа машин хулгайлаад арван метрийн цаана байсан хана мөргөжээ. Фостер түүний сүүлчийн хэргийн тухай уншаад тайвширч тэр одоо ч хүүхдээрээ байгаа юм байна гэж бодлоо. Хүүг байнга шилжүүлэн суулгаж байсан учраас тэр хэргүүдээ Эссексийн олон янзын газар үйлдэж байжээ. Асрагч эцэг эх, асрамжийн газруудын аль нэгэнд ирснийх нь дараа хэдхэн хоноод заавал нэг хэрэг гардаг байсан учраас түүнийг тэндээс шуудхан үг дуугүй зайлуулчихдаг байжээ. Түүний үзэгдсэн газар гарсан хэргийн үзүүлэлт шууд өсдөг ажээ. Гэри цагдаад баригдаж шүүгчийн өмнө очиж байсан бөгөөд дараа нь илүү олон асуудал тарихаар өөр газар хуваарилагддаг байна. Яг одоо түүний амьдарч байгаа газар нь Ромфордын хүүхдийн асрамжийн газар ажээ. Тэнд байх долоо хоногийн хугацаанд тэрбээр нэг ч удаа цагдаад баригдаагүй байгаа нь үнэхээр ховор тохиолдол байв.
Нийтийн өрөөнд Фостер, Хадер хоёрын өмнө Гэри хүмүүжүүлэгч эмэгтэйн хамт буйдан дээр зэрэгцэн сууж байлаа. Майхан шиг том даашинз өмссөн тэр бүдүүн эмэгтэй хүүд санаа тавьсан байртай үе үе харах ажээ. Буланд өнгө нь урагдсан билльярдны ширээ, зурагт, хэдэн DVD-ний хоосон хайрцаг харагдана. Өрөөний голд тавьсан ширээн дээр хэдэн хөлөгт тоглоом байсан бөгөөд дотор нь монопол хэмээх тоглоом харагдана. Гэриг тэр тоглоомоор тоглож байна гэж төсөөлж бодсон Фостер дотроо инээж суулаа. Хүү нас нь хүрээгүй тул шоронд суухаас чөлөөлөгдсөндөө баярлах ёстой. Удахгүй тэр өсвөр насныхны хорин цагдах газар сууж ч мэдэх юм. Тэр үед Гэри гэмт хэргийн ертөнцөд эзэмших боловсролоо бүрэн олж авах биз. Гэриг буйданд улам шигдэж суухад хүмүүжүүлэгч эмэгтэй хажуунаас нь нударч харагдана. Хүү зурагтны хоосон дэлгэц рүү ширтэж байснаа дараа нь тэдний юу хэлэхийг нь үл тоох маягтай омог бардам харав. Хадер эхлээд хүүтэй мэндлэхэд тэрбээр цонх руу харан алгаа хавсарч чимээ гаргаснаа улам шигдэн суулаа. Тэр удахгүй бүр хэвтээд өгөх нь ээ. Хүүд Сесам гудамжныхантай харьцдаг шиг харьцаа тохирохгүй юм байна гэж Фостер бодов. Одоо түүнтэй эелдэг байж ханалаа. Тэр бол жирийн хүүхэд биш, тэр бол бяцxан зэрлэг араатан. Фостер Гэригийн хүмүүжил, зан төрхийг огт сонирхоогүй. Хүүхэд төрүүлчихээд харх шиг өсгөдөг хүмүүсийн бурууг түүнд тохох аргагүй ч цаашид яаж амьдрах вэ гэдэг дээр хүү өөрөө шийдвэр гаргах ёстой. Фостер
- Гэри, бид энд чиний эгчийн асуудлаар ирсэн гэлээ.
Хүүгийн нүдэнд оч манасxийх шиг болсноо тэр дороо унтрав. Тэр толгойгоо алгуурхан эргүүлж Фостерыг нэг харснаа дахиад цонх руу ширтээд суучихлаа.
- Леонид юу тохиолдсоныг чи сонирхохгүй байгаа юм уу, Гэри?
Өрөөнд хэсэг нам гүм болов. Гэригийн нүд үзэн ядалтаар дүүрэн харагдана. Хүү эцэст нь ам нээж хэдийгээр нас бага ч насанд хүрсэн хүн шиг хоолойгоо шахан
- Үгүй гэж хариулаад дахиад цонх руу харчихав.
- Тэр амьд эсвэл үхсэн байх нь чамд хамаагүй юм биз дээ?
Энэ удаад тэр хурдан хариуллаа.
- Тэр заваан новшийн янхан намайг хог шаар шиг хаясан. Нүүр нь чавга шиг улайсан хүмүүжүүлэгч гараа хүүгийн гар дээр тавиад
- Гэри, би чамайг... гэтэл
- Наад бохир савраа тат, муу бүдүүн гахай гэж хашгираад
тэр гараа савчин эмэгтэйн гарыг өөрөөсөө холдуулав. Эмэгтэй ухарч суугаад байдлыг хар даа гэсэн байртай гараа дэлгээд Фостер луу харлаа. Нүд гялалзаж харагдах Гэри буйданд улам шигдэн суув.
- Биднийг түр орхихгүй юу? гэж Фостер эмэгтэйгээс хүслээ.
- Би ингэж болохгүй ... хэмээн эмэгтэйг эргэлзэн хэлэхэд Фостер
- Тавхан минут. Түүнд юу ч тохиолдохгүй гэв. Тэрбээр Гэри өөр лүү харахыг мэдсэн ч анзаараагүй царайлав.
Хүмүүжүүлэгч толгой дохиод
- Би конторт байж байя гэж хэлээд гарлаа. Хэдийгээр ингэх нь дүрэм журамд нийцэхгүй ч гэлээ хүмүүжүүлэгч Гэригийн дэргэдээс холдохдоо харин ч баяртай байгаа бололтой. Фостер суудлаасаа өндийн билльярдны ширээ рүү очвол хүмүүжигч нарыг зодооны зэвсэг болгон ашиглахаас сэргийлж хурааж авсан бололтой тэнд нэг ч бөмбөг байсангүй.
- Надад нэг асуудал тулгараад байна, Гэри гэж хэлээд Фостер хүү рүү эргэж харвал тэр харцаа буруулчихав. Тэр ойлгочихжээ гэж Фостер бодох зуур гараа халаасандаа хийлээ.
- Энэ ямар асуудал болохыг чи мэдэж байна уу?
Тэр хүүгээс ямар ч хариу сонссонгүй.
- Үгүй бололтой. Тэгэхээр би үүнийг чамд хэлж өгөх нь зүйтэй юм шиг байна. Би бол хүн амины хэргийг мөрдөн шалгах газрын мөрдөгч. Хүн алсан өөдгүй хүмүүсийг би мөрдөж олдог юм. Би DVD, Playstation тоглоомоор тоглож байдаг хүүхдүүдтэй цаг нөхцөөж сураагүй. Гэхдээ би алагдсан хүмүүсийн төлөө бүхнийг хийдэг. Мөн аав, ээж, ах эгчээ тэр новшид алуулж цаашид хэрхэн амьдрахаа мэдэхгүй шаналж байгаа ар гэр, төрөл төрөгсдийн төлөө би юм хийхийг хүсдэг. Хүмүүс энэ хар дарсан зүүд шиг аймшигтай эвлэрэх хэрэгтэй болдог ч тэр өөдгүй новшийг баригдаж шийтгүүлсэн гэдгийг мэдэх эрхтэй. Мэдээж энэ хангалтгүй ч тэдний хувьд бүх юмны эхлэл болдог.
- Энэ чинь миний эгчтэй ямар хамаатай юм бэ? гэж Гэри Өмнөд Лондонгийн аялгаар асуув.
- Би хамтрагчтайгаа хамт нэг хэргийн учрыг олох гэж ажиллаж байна, Гэри. Хүү учрыг ойлгоогүй бололтой харагдана.
- Би нэг хүн амины хэрэг мөрдөж байгаа, ойлгож байна уу? Гэвч энд ганцxан аллага байгаа юм биш, бас хүн хулгайлсан. Чамаас нэг их эгч биш хүүхэд хулгайлагдсан. Хэрвээ чи бидэнд мэддэг зүйлээ хэлвэл тэр гэмт хэрэгтнийг олоход тус болж мэдэх юм.
- Юу гэж байгаа юм бэ? Миний мэдэх юм гэнэ ээ? Гэригийн уур дүрсxийснээ тэр дороо намдчихав.
- Леонигийн тухай.
- Би юу ч мэдэхгүй гэж тэр ууртай хэллээ.
- Гэри, чи намайг гүйцэд сонсохгүй байна. Миний юу мэдэхийг хүсээд байгааг чи мэдэхгүй байна. Хэрэв чи миний асуултанд хариулвал тэр чинь надад тус болж магадгүй. Хэн мэдлээ. Эхлээд бид үүнийг оролдоод үзье. Дараа нь биднийг явахаар чи юу дуртайгаа хийж болно.
- Би цагдаа нарт туслахгүй.
- Ойлгомжтой. Би чиний хийсэн гэмт хэргүүдийг үзсэн.
Гэри нүүрээ даран толгойгоо сэгсэрч, тэдэнтэй ярихыг хүсэхгүй байгаагаа харуулав. Фостер Хадер луу хараад дараа нь цонх руу очиж завсраар нь хогийн ургамал ургасан цементэн талбайг харж зогсов.
- Гэри хэмээн Хадер хүүгийн нэрийг дуудахыг Фостер сонслоо. Түүний дуу их эелдэг сонсогдоно.
- Хулгайлагдсан охин арван дөрвөн настай, яг Леони шиг. Цагдаагийнхныг үзэн яддагийг чинь, бас бидэнд туслахыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ энэ бол бидэнтэй биш, харин тэр охинтой холбоотой. Гэри суудал дээрээ займчин чимээ гаргахыг Фостер сонсов.
- Одоо тэр алга болсон охинд аймшигтай юм тохиолдож болзошгүй болоод байна. Үнэхээр аймшигтай зүйл. Хэрвээ бид түүнийг олж чадвал үүнээс сэргийлж чадна. Бидэнд туслаач дээ.
Фостер цонхоор ширтсэн хэвээр зогсоно. Хашааны ёроолд
зүлэг ургасан талбай дээр шарсан төмсний уут, ундааны савнууд хөглөрчээ. Цаана нь машины зогсоол, хэдэн хаалттай дэлгүүр харагдаж байлаа. Хүүхдийн асрамжийн газрын урд, талбай дээр сэтгэл сэргээчихмээр юм юу ч харагдсангүй.
- За, баярлалаа гэж Хадерын хэлэх сонсогдов. Хүү толгой дохисон бололтой тул Фостер эргэж харлаа.
- Эгч чинь зугтаж алга болохын өмнө магадгүй гэрт чинь эсвэл ойр хавьд чинь ямар нэг этгээд сонин юм болсон эсэхийг чи санаж байна уу? Гэри хөдлөхгүй суусан хэвээр боловч нүднийх нь харц зөөлөрснийг Фостер ажиж мэдлээ. Хүү хэсэг бодолхийлж сууснаа
- Санахгүй байна гэж хариулав.
- Тэр үед Леони уурладаг байсан уу? Тэр ээжтэй чинь муудалцаж байсан уу? Гэри нусаа татлаа.
- Тэд дандаа муудалцдаг байсан. Леони ээжийг үзэн яддаг байсан. Эгч түүнийг байхгүй байвал бидэнд илүү дээр, тэр өөрөө надад илүү санаа тавьж чадна гэдэг байсан. Хүүгийн нүдэнд нулимс хурсан харагдана. Тэр уйлахгүй тэвчиж, нулимсаа ширгээхийг хичээж байгааг Фостерт харлаа.
- Эгч чинь тэгж хэлсэн юм уу? Хүү толгой дохиж, уруулаа хазан нулимсаа гарныхаа араар хурдан шударч арчив.
- Чамд хэцүү байгааг би ойлгож байна, Гэри. Гэхдээ энэ бидэнд тус болно. Эгч чинь зугтаж алга болохоосоо өмнө чамд ямар нэг юм хэлж байсан уу? Хүү дахиад толгой сэгсэрлээ.
- Ээж чинь? Тэр өнгөрөхөөсөө өмнө хэвийн байдгаасаа өөр байсан уу?
- Үгүй. Би түүнийг дандаа хардаггүй байсан гэж хүү амандаа бувтнав. Есүс минь хэмээн Фостер дотроо бодлоо.
- Леони чамд санаа тавьдаг байсан уу? Хүү толгой дохиод
- Гэхдээ тэр бид нэг гэр бүл биш гэж хэлсэн гэлээ.
- Леони чамд тэгж хэлсэн юм уу? Хүү толгой дохив.
- Тэр хүн эгчид тэгж хэлсэн гэсэн.
- Ямар хүн?
- Манайд ирсэн нэг эрэгтэй хүн. Хадер Фостер луу хальт харлаа.
- Ямар эрэгтэй хүн юм бэ, Гэри? Ээжийн чинь найз залуу юм уу?
- Үгүй. Тэр эрэгтэйг ирэх үед ээж гэртээ байдаггүй байсан.
- Леонигийн найз юм уу? Гэри толгой сэгсэрч
- Тэр эгчийн найз биш. Гэхдээ эгч түүнийг их сайн хүн гэж бодсон. Эгч түүнийг үнэн юм хэлсэн гэсэн.
- Юуны тухай үнэн хэлсэн гэж?
- Сайн мэдэхгүй байна.
- Тэр эрэгтэй юуны тухай ярьсан юм бэ? гэж Фостер дахин ам нээн асуулаа. Гэри түүнийг дайсагнасан харцаар ширтсэнээ эргэж Хадер луу хараад
- Би чамтай бол ярина, харин түүнтэй биш гэж дургүйцэн хэлэв.
- За тэгье. Тэр эрэгтэй Леонид юуны тухай ярьсан юм бол? Эгч чинь чамд энэ талаар ярьсан уу? Гэри мөрөө хавчлаа.
- Тэр эрэгтэй биднийг нэг гэр бүл биш гэсэн, бас Есүсийн тухай ярьсан гэж эгч хэлсэн.
- Чамд өөр санаж байгаа юм байна уу? Гэри жаахан бодсоноо
- Тэр бас Есүсийг бидэнд хайртай гэсэн гэж Леони хэлсэн. Бас өөр хүмүүс бидэнд хайртай гэсэн. Тэр бас эгчид манай гэр бүлийг үүрд хамт байж аз жаргалтай болно гэсэн байна лээ.
- Өөр юу гэж хэлсэн бол?
- Өөр юм хэлээгүй. Хүүгийн царай төв болсноо
- Тэр бас эгчид ном өгсөн байсан гэлээ.
- Юуны тухай ном байсныг чи мэдэх үү?
- Бүү мэд.
- Библи байсан уу?
- Бүү мэд. Дотроо зурагтай ном байсан. Гэхдээ зурагт ном биш. Хуучин зурагнууд байсан.
- Юуны тухай зураг байсан юм бэ? Чи санаж байна уу? Хүү духаа атируулж бодол боллоо.
- Жов гэдэг хүүгийн тухай байсан. Тэр хүү аль эрт амьдарч байсан, тэгээд нэг нууц баялаг олсон.
- Юун баялаг юм бол?
- Би санахгүй байна, Номнууд ч бил үү, нэг тиймэрхүү юм.
- Номнууд аа?
- Тийм ээ, тийм байсан шиг санагдаж байна. Эгч надад нэг хэсгийг нь уншиж өгсөн. Их уйтгартай ном байсан гэж хэлээд хүү санаа алдлаа.
- Тэр хүн танайд байнга ирдэг байсан уу?
- Мэдэхгүй. Ихэвчлэн намайг гадаа тоглож байхад ирдэг байсан.
- Тэгвэл нэгээс олон удаа юм уу?
- Тийм гэж бодож байна. Намайг нэг удаа гэртээ ирэхэд тэр гарч явж таарсан.
- Тэр ямар харагдаж байсан? Хүү Фостер луу хараад
- Тэр энэ хүнтэй адилхан гэлээ.
- Өө, том бас царай муутай гэж Хадер тэр дор нь хэлээд хүү рүү нүд ирмэлээ. Гэри Хадерын хэлсэн үгэнд баясаж хамраа шуухитнуулан инээсэнд хамраас нь нусан бөмбөлөг гарч ирэв.
- Их инээдтэй байна хэмээн Фостер тоглоомыг ойлгосноо мэдэгдэхийг хичээв.
- Тэр үнэхээр мөрдөгч Фостертой адилхан байсан юм уу?
- Тэр илүү том биетэй. Түүнд бас ийм юм байсан гээд Фостерын хүзүү рүү заалаа.
- Хүзүүний зангиа юу? Гэри толгой дохив.
- Тэр үстэй юү?
- Хар үстэй.
- Хэрвээ бид нэг хүнээр тэр хүнийг зуруулна гэвэл чи
тусалж чадах уу? Хүү толгой дохилоо.
- Тэр миний толгойг зөөлөн алгадаад сайн уу гэж хэлсэн. Дараа нь тэр машиндаа суугаад явсан.
- Ямар машин байсан бэ?
- Хөх өнгөтэй хуучин загварын Форд Мондео.
Энэ хүү машины талаар сайн мэддэг юм байна гэж Фостер бодлоо. Тэр өөрөө яг энэ хүү шиг байхдаа машинд нугасгүй дуртай байжээ. Тэр хичээлийнхээ хуваарийг цээжилж чаддаггүй байсан мөртлөө Остэн Аллегрогийн хамгийн эцсийн хурд хэд вэ гэдгийг сайн мэддэг байсан. Хадер Фостер луу харвал эхийнх нь тухай асуу гэж дохио өглөө.
- Ээж чинь нас бардаг өдөр юу болсон юм бэ, Гэри? Хүү духаа атирууллаа. Тэр тайван бус болж гараа хооронд нь үрчин эргэн тойрноо сандчин харав. Тэгснээ тэр толгойгоо сэгсчин
- Үгүй гэж хэллээ.
- Үгүй? Чи энэ тухай ярихыг хүсэхгүй байна уу?
- Би үүнийг мэдэхгүй гэж хүү хариуллаа. Хүү одоо гараа хооронд нь үрж маажин, толгойгоо хүчтэй сэгсчиж эхлэв. Хүүгийн цара хувирч дайсагнасан шинжтэй болжээ. Тэр одоо Хадер луу заналхийлсэн нүдээр харж байлаа.
- Би тэр чөтгөрийн юмыг чинь мэдэхгүй. Ойлгосон уу? Хадер хүүгийн энэ гэнэтийн дэлбэрэлтэнд цочихыг Фостер ажив.
- Санаа зовох хэрэггүй, тайвширч үз гэж Хадер эелдэгхэн хэллээ.
- Би тэр чөтгөрийн юмыг чинь мэдэхгүй гэж хүү амандаа бувтнаж байснаа хоёр хөл нь тогонд цохиулсан мэт чичрэн салганаж эхлэв.
Хадер хэсэг дуугаа хураан Гэригийн уур намдахыг хүлээлээ. Фостер хамтрагч руугаа харан одоо явах цаг боллоо гэж дохиогоор мэдэгдэв. Тэдэнд Жиллиан Стамиг героинд хордож нас барсан гэсэн задлан шинжилгээний тодорхойлолт байжээ. Тэр тунгаа хэтрүүлсэн байж болзошгүй гэсэн байв. Гэвч мансууруулах бодисны чанар Фостерын эргэлзээг төрүүлжээ. Героин сайн чанарынх байжээ. Зөвхөн тэтгэмжээр амьдардаг, ганц бие мансуурах донтой эмэгтэй тааралдсан героиныг л хэрэглэдэг байсан байж мэднэ. Гэвч эмэгтэйн цогцсыг чандарласан болохоор одоо дахиж шинжлэх аргагүй болжээ. Магадгүй тэд Гэритэй дараа сэтгэл зүйчтэй хамт ярилцаж болох юм.
- Леони үхээгүй гэж Гэри гэнэт хэллээ.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? гэж Хадер тайван эелдгээр асуув. Хүү шал руу ширтэн сууж байснаа
- Би тэгж бодож байна гэж бувтнаад түүн рүү харав. Нүдэнд нь нулимс цийлэгнэсэн хүү их уурласан харагдана. Энэ зүгээр ч нэг уур биш, бүх юмыг үзэн ядсан уур хилэн байлаа.
- Тэр миний төлөө санаа тавина гэж амалсан. Тэр намайг эндээс ирж авна гэж хэлэх хүүгийн хоолой чичирхийлж байв. Хүү сул задгай урсаж эхэлсэн нус нулимсаа ханцуйгаараа арчихыг хараад сэтгэл нь хөндүүрлэж өвдсөн Хадер дэмий л толгой дохиж харагдана. Тэр Фостерын нэгэн адил хувь тавилан ийм хатуу хэрцгий байдгийг урьд нь сайтар тунгаан бодож байсангүй. Гэри шиг ийм хувь тавилантай төрсөн хүүхдүүд үнсэнд хаясан шалз шиг бусдын хайр энхрийллийг амсаж чаддаггүй ажээ. Хэн ч тэднийг хайхарсангүй. Энэ хүү одоохондоо энэ тэрүүгээр тэнүүчилж, бусдад хэрэг төвөг учруулан цагдаагийнханд дарамт болж байгаа ч, удахгүй жинхэнэ гэмт хэргийн ертөнцөд алхан орох нь дамжиггүй.
- Гэри хэмээн Фостер хүүг дуудаад түүний ууртай харцыг үл тоон
- Хэрвээ эгч чинь эргэж ирээд чиний бүх юм сайн сайхан болно гэж боддог юм бол яагаад хулгай хийдэг юм бэ? Яагаад чи бүх зүйлийг хүндрүүлэлгүй хэвийн байж чаддаггүй юм бэ? гэснээ гараа халаасандаа лавхан хийгээд
- Намайг сонс. Чамайг сонсохыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна. Учир нь чи хэдэн зуун удаа үүнийг сонссон. Чиний хийсэн хэргүүдийг хараад байхад чи тэндээс ямар ч сургамж аваагүй бололтой байсан. Над шиг хүмүүсийг үзэн яддагийг чинь би мэдэж байна. Гэхдээ чи шоронд ороход бэлэн байгаа шүү. Тэгвэл Леони чамайг тэндээс яаж гаргаж авах юм бэ? гэж асуулаа.
Гэри Фостерыг гөлрөн харж сууснаа
- Чөтгөр лүүгээ тонил гэж хэлчихээд доошоо харчихав.
Фостер мөрөө хавчсанаа би чадах чинээгээрээ л оролдлоо гэж бодлоо. Энэ хүүг юу ч аврахаасаа өнгөрчээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:44 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.06.17 2:38 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
11


Хүчтэй салхи, хүйтэн бороонд балбуулсны дараа Хай Холборнд байдаг шарсан талхны сайхан үнэр ханхалсан цайны газарт орж ирэх таатай ажээ. Наижл Илен рүү нааш цааш холхиж явсаар бүр өлсчихсөн байлаа. Тэр захиалгаа аваад борооны ус урсах цонхоор Анхны Авеню Хаусын саарал барилгыг ширтэж суув. Барилгын урд хаалган дээр хүмүүс тамхи татан зарим нь байж ядан дороо холхиж харагдана. Тэд гэр бүл салалтыг зохицуулах газар луу нэр дуудах дарааллаар орж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ асуудлыг шийдвэрлүүлэхээр зориг тэвчээрээ хуримтлуулж байгаа бололтой. Наижл эндээс шүүхийн танхимд үсдэлцсэн болов уу гэлтэй үс гэзэг нь сэгсийчихсэн хэдэн хос гараа сарвалзуулахыг харж байжээ. Бас сэтгэл санаа тогтворгүй болж хямарсан хүмүүст туслахаар түргэн тусламжийн тэрэг ирэхийг ч харжээ. Энэ барилгад салж буй хосууд нэгнийгээ хороох зэвсэг авч орохоос урьдчилан сэргийлж хамгаалагч нар хүн болгоныг нэгжиж, рентгенээр харсныхаа дараа нэвтрүүлдэг ажээ. Мөн энэ шалтгаанаас болж тэнд зөвхөн хуванцар аяганууд л хэрэглэдэг билээ.
Наижл кофегоо ууж дуусаад нөгөө барилгын гол хаалга руу харвал тэнд байгаа хүмүүс цөөрсөн харагдав. Тэр хохирогчоос ДНК-ийн дээж авч Крис Вэстбергт өгөхөөр Фостерыг ятгаж чаджээ. Шинжилгээ хийгдэж байх хооронд Наижл Хортон, Сара Ровли нарын амьдарч байсан бүх газрыг олж тогтоохыг хичээж байлаа. Гэрээслэл олж чадвал түүний ажилд их дэм болох байв.
Хортон ямар ч гэрээслэл үлдээсэнгүй, харин цаг тооллын бүртгэлээс харвал түүний бэлбэсэн эхнэр 1913 онд нас барахдаа гэрээслэл үлдээсэн байжээ. Энэ хэдийгээр том зүйл биш ч судлаад үзэхэд буруудах юм байхгүй. Ширүүн бороо түр зуур намдах үед Наижл гадагшаа гарч гудамж хөндлөн гараад нөгөө барилга руу очлоо. Тэр шатаар өгсөн нам гүм, уйтгартай үүдний танхим руу оров. Энэ цэвэрхэн орчныг үхэгсдийн сүүлчийн үг, хүсэлтийг нууцлан хадгалж байдаг өв залгамжлалын асуудлыг эрхэлдэг газар гэж мэдэх аргагүй ажээ. Шатаар өгсөж явахдаа тэр хэд хэдэн гэр бүлийн түүх судлаач нартай тааралдав. Өнгөрсөн үед харилцан адилгүй хөрөнгө чинээтэй байсан хүмүүс нас барахдаа өв хөрөнгөө хувааж байсан арга барил тэд нарт их сонирхолтой байдаг. Жишээлбэл бараг хөрөнгө чинээ гэх юмгүй энгийн нэг малчин зөвхөн сайн үүлдрийн саалийн үнээ үржүүлснээр Суррэгийн хагасыг үр удамдаа гэрээслэн үлдээж чадсаныг олж мэднэ.
Наижл хүсэлт гаргах анкет авч Сара Ровлигийн гэрээслэлийн он сар өдрийг бөглөж бичлээ. Тэр хүлээх зуураа цайны газарт эргэж ирэн кофе аваад гэр бүлийн асуудлаар ирсэн хүмүүсийг цонхоор дахин ажиглаж суув. Хэсэг хугацааны дараа Наижл гэрээслэлийн хуулбарыг очиж авлаа. Түүний таамаглаж байснаар тэнд анхаарал татахаар онцгой мэдээлэл байсангүй. Сара хуримын бөгжөө том охин Эммадаа, Элизабетэд нэг царс модон ширээ, хүү Исаакт эцгийнх нь мужааны багаж хэрэгслийг гэрээслэн үлдээжээ. Тэр бас нэг төмөр хайрцгийг өөрийнхөө авсанд хийж оршуулахыг хүссэн нь оньсого мэт санагдав. Түүнчлэн Ийст Хамд байдаг Синт Бэртрамын сүмд арван паунд өргөл болгохыг хүсжээ. Сарагийн хувьд 1891 оноос өмнөх мэдээлэл байхгүй байсан ч Наижл бас нэг ул мөр олж чадав. Сара энэ өчүүхэн мөнгийг үр хүүхдэдээ хувааж өгөхийг хүсээгүй, эсвэл тэд энэ мөнгийг өвлөх эрхгүй гэж үзсэн бололтой. Сүмд өргөсөн энэ бяцxан өргөлөөс харахад Сара болон түүний нөхөр тухайн сүмийн идэвхтэй гишүүд байсан бололтой. Сүмийн архивт тэдний хаанаас ирснийг дурьдсан баримт олдож магадгүй л юм.
Наижл Лондон хотын сүмийн бүртгэлийн ихэнх нь хадгалагдаж байдаг Метрополитаны Архив руу утасдав. Тэдэнд Ийст Хам дахь Синт Бэртрамын талаархи мэдээлэл байгаагүй боловч Наижлд Эссексийн архив руу утасдахыг зөвлөжээ. Тэндээс бас ямар ч мэдээлэл олж чадсангүй, сүм архиваа өөртөө хадгалдаг ажээ.
Синт Бэртрамын сүм Ийст Хамын галт тэрэгний буудлаас арваад минут алхаад хүрдэг бөгөөд викториагийн үед эмх замбараагүй баригдсан үйлдвэрийн ажилчдын оршин суудаг байшингуудын дунд нуугдсан мэт байрлажээ. Лондонгийн Метрополитаны Архивт ямар ч баримт хадгалуулаагүйг бодоход энэ сүм орчин үеийн сүм байх гэж Наижлын бодож байснаар хэдийгээр Готын үеийн чимэглэлтэй ч улаан тоосгоор баригдсан энэ сүм нэг зуунаас илүүгүй настай бололтой харагдана. Тэр гол хаалгыг олохоор сүмийг хэдэн удаа тойрч алхаж явахдаа хэдэн жилийн өмнө дүүргийн төв болох орчин үеийн өргөтгөл нэмж барьсныг олж харав. Тэр өргөтгөлд хүүхдийн тоглоомын талбай байдаг бололтой эхчүүд, эмэгтэйчүүд хүүхдүүдтэйгээ орж гарч харагдана.
Наижл дотогшоо орон хүлээн авахын лангуу руу очиж сүмын хамба ламтай ярилцаж болох эсэхийг асуулаа. Хэдэн минутын дараа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан улаан царайтай хамба ламтан хүрч ирэв. Наижл ламтантай гар барилцаад урьдчилан мэдэгдэлгүй ирсэндээ өршөөл эрж ирсэн учраа хэллээ. Гэхдээ тэр хүн амины хэрэг, хүүхэд хулгайлсан талаар дурьдсангүй.
- Удам судлаач нараас бидэнд ийм хүсэлт дандаа ирдэг. Ихэвхлэн гадаадынхан. Бид аль болох тус болохыг хичээдэг. Та яг юу хайж байгаа юм бэ? гэж хамба лам асуулаа.
Наижл Сара Ровлигийн гэрээслэлийн талаар хэлэв.
- Тэр хэзээ нас барсан юм бэ?
- 1913 онд.
- Нээрэн үү? Энэ сүм хийд баригдаж нээгдсэнээс хойш таван жилийн дараа юм байна шүү дээ. Тэгэхээр тэр анхны сүсэгтэн нарын нэг байж таарах нь. Тэр эмэгтэйг хэн гэдэг гэлээ?
- Сара Ровли. Сарагийн нөхөр Хортон өөрөөс нь дөрвөн жилийн өмнө нас барсан байсан. Хамба лам бодол болон газар ширтэж хэсэг зогслоо.
- Намайг ойлгоорой, би энд хэдхэн жил болж байгаа болохоор сүмийн түүхийг сайн мэдэхгүй байна. Хэрвээ та надтай сүмийн ариун зүйлсийг хадгалдаг газар луу очвол та өөрийн хайж байгаа юмаа олох байх гэж би бодож байна.
Наижл хамба ламыг даган сүм рүү явлаа. Энд засвар хийгээд удаагүй байгаа тул Наижлд танил санагддаг түүх агуулж байгааг гэрчлэх хуучин хөгцний үнэр алга байв. Тэд тахилын ширээний хажууд байсан хаалга руу очсонд хамба лам хэдэн түлхүүр гаргаж ирэн гурван цоож онгойлголоо.
- Хулгай хийх үед Эзэн өрөөсөн нүдээ аньдаг гэж зарим сүсэгтэн хэлдэг юм гэж лам нүдээ ирмэж хэлээд өрөөнд түрүүлж ороод гэрэл асаав. Энэ том өрөөнд тахилын ширээний хэрэгсэл, овоолон өрж тавьсан савхин хавтастай судар номнууд, сүмийн бандан сандлын зөөлөвчин дэрнүүд мэтийн сүмийн эд зүйлсийг агуулдаг ажээ.
- Намайг өршөөгөөрэй. энд таны бодож байснаас илүү замбараагүй байгаа. Архивт үнэндээ системчилсэн зохион байгуулалт байхгүй гэж лам хэлээд асар том номнууд өрсөн хэдэн тавиур луу зааж
- Тэр бол сүсэгтнүүдийн бүртгэл байгаа юм. Та тэндээс эхэлж болно. Бас тухлан суух сандал байхгүй байгаад хүлцэл өчье гэв.
Наижл түүнийг өршөөл эрэх хэрэггүй гэж ойлгуулаад эхний бүртгэлийг авлаа. Үдсэн дэвтэрний нуруу нь элэгдэж хуучирсан, хэдэн хуудас салж дотор нь сул хавчуулсан харагдана.
- Энд ажлаа хэрхэн явуулдгийг тань мэдэхгүй ч хэрвээ би таны оронд байсан бол энэ бүртгэлийг орон нутгийн архивын газарт өгөх үгүйгээ сайн эрэгцүүлж бодох байсан. Эх хувьд дахиж гар хүргэхгүйн тулд Гэр бүлийн түүх судлалын институтэд хуулбар хийлгэн хувилуулж болдог гэж Наижл хэлээд хуудсыг эргүүлэнгээ
- Энэ хэвээр нь байлгаад байвал удахгүй хэрэглэх ямар ч боломжгүй болох юм байна гэж нэмж хэлэв.
- Таны түмэн зөв. Энэ миний хийх ажлын төлөвлөгөөнд орчихсон байгаа гэж хамба ламтан хариу өчлөө.
Наижл нэг хуучин модон сандал авч суугаад 1908 оноос эхэлж хөтөлсөн бүртгэлийн эхний хуудсыг болгоомжтой эргүүлэв. Тэр 1909 онд болсон Хортон Ровлигийн оршуулгын тухай тэмдэглэлийг амархан олсон боловч зөвхөн түүний нэр, нас, оршуулгын өдрийг л бичиж үлдээжээ. Тэр цааш нь 1913 онд болсон Сара Ровлигийн оршуулгын тухай тэмдэглэлийг олсон боловч шинэ юм олж мэдэж чадсангүй.
- Энэ сүмийн дэргэд оршуулгын газар харагдаагүй. Хүмүүсийг хаана оршуулдаг юм бэ?
Заримдаа булшны чулуун дээр сонирхол татах бичээс олддог тал бий. Наижл он цагийн урсгалд чулуун дээрх бичээс элэгдэж мэдэгдэхгүй болсон үед ашигладаг хэрэгслээ авч ирээгүй байлаа.
- Ийст Хамын оршуулгын газар Марловын Өргөн чөлөөнд байдаг. Тэнд бас бүртгэл байгаа. Наижл хаягийг тэмдэглэж аваад бүртгэлийн номыг хаалаа.
- Танд сүмийн цуглааны тэмдэглэлүүд байхгүй биз? гэж Наижл ламаас асуулаа. Цуглааны үед зөвхөн чухал гэж үзсэн зүйлсийг тэмдэглэж авдаг ч заримдаа удам судлаач нарт эрдэнэс мэт үнэ бүхий зүйл олддог ажээ. Хамба ламтан мөрөө хавчсанаа
- Миний бодлоор энд хаа нэгтээ хадгалсан байгаа. Үнэнийг хэлэхэд яг хаана гэдгийг нь би мэдэхгүй гэж хэлээд царай нь улайлаа.
- Манай сүмийн эд хогшлыг хариуцдаг нярав эмэгтэй Одри Кантрел танд тусалж магадгүй. Харамсалтай нь тэр гэр бүлийнхэнтэйгээ хамт амрахаар явчихсан. Намайг өршөөгөөрэй.
Эрэл бас л мухардалд орчихов.
- Гэхдээ энд надад нэг юм байгаа гэж хэлсэн хамба ламтан хөх өнгийн тахилын ширээний бүтээлгээр бүтээсэн давхарлаж тавьсан хэдэн хайрцгийг ил гаргаж харуулаад
- Энэ дотор миний өмнө байсан анхны хамба лам Жорж Бурч хүртэлх бүх хамба лам нарын хувийн бичиг баримт, эд зүйлс байгаа. Би бүгдийг сайн үзээгүй ч энэ дотор зөндөө юм байгаа. Тайван суугаад үзэж болно шүү гэлээ.
Сүмын хамба лам нарын хайрцагт ихэвчлэн олон төрлийн бүртгэлийг хадгалсан байдаг бөгөөд Наижлын хувьд энэ бол анх удаа тохиолдож байгаа хэрэг билээ. Хамба лам том цоожийг онгойлгож, хайрцагны тагийг нээв. Дотор нь хэдэн хавтасд хийсэн баримтууд харагдана. Харин сул задгай цаас огт харагдсангүй.
- Энд ихэвчлэн мөргөлийн дуу болон залбирлын номнууд байгаа. Бас өөр юмнууд ч бий. Он сар өдөр нь тодорхойгүй ч ихэнх хамба лам нарын тэмдэглэлээс хайж байгаа юмаа олоход хэцүү биш гэж хэлснээ лам үл мэдэг инээмсэглээд
- Тэд хичнээн сонины хайчилбар хадгалснаас шалтгаална даа гэж нэмж хэлэхэд
- Би Эзний албанд зүтгэх нь хангалттай том шагнал гэж бодсон юмсан гэж Наижл хариу өчлөө.
- Миний мэргэжлийн хүмүүсийн зарим нь олны анхааралд өртөхийг буруу зүйл гэж үздэггүй гээд ойлгочиход болно гэж хамба лам хэлээд цагаа харснаа
- Надад хийх хэдэн ажил байгаа. Тайван суугаад хичнээн удсан ч хамаагүй хайрцган доторхийг үз. Цагийн дараа би эргэж ирье. Хэрвээ энэ хооронд асуух зүйл гарвал хүлээн авахын дэргэд байгаа Шэрлид хэлээрэй. Тэр миний гар утас руу залгачихна гэлээ.
Сүсэгтэн хүн гар утастай байдаг гэнэ үү? Наижл ийм байдаг гэж бодоогүй ажээ. Тэр ламтанд талархаж буйгаа хэлээд хайрцганд анхаарлаа хандуулав. Тэрбээр хайрцган доторхийг үзэхээр тонгойход хуучин цаасны танил үнэр үнэртлээ. Эхний боодлыг авч үзвэл Клив Хавли 1956-1972 гэж гарчиглажээ. Тэр хэдэн баримтыг сугалж гаргавал орон нутгийн сонингуудаас хайчилж авсан хайчилбар, дууны үг бичсэн хуудаснууд байлаа. Хамба лам Жорж Бурчийн тухай баримтуудыг олохын тулд бараг бүх номыг гарган овоолж тавих хэрэг гарав.
Наижл эцэст нь элэгдэж хуучирсан, олсоор боож багласан хавтас оллоо. Тэр олсыг тайлж нээвэл эхний сонины мэдээ нь 1908 оны долдугаар сарын 2-ны өдрийнх ажээ. Орон нутгийн сонины энэ хайчилбарт сүмийн сүүлчийн чулууг байрлуулж хамба ламаар ноён Бурчийг томилсон тухай богинохон мэдээ багтаажээ. Дараа нь тэр оны есдүгээр сарын 7-нд гараар гаргацтай бичсэн хэдэн хуудас Наижлын нүдэнд өртлөө. Энэ нь сүмийн гишүүн хатагтай Винифред Шиллингфорд сүмийн үйл ажиллагааг шүүмжилж бичсэн захиа байв. Захианы эзэн хамба ламтныг томилсонд сайшаасан хэдий ч түүнийг Библид дурьдагдсан зүйлсийг ихэвчлэн гажуудуулдаг гэж шүүмжилжээ. "Надад таныг гол шугамаасаа хазайхыг зөвшөөрч болмооргүй санагдаж байна. Бид энд бидний аврагч Есүсийн үгийг сонсохоор ирдэг. Харин номлолын үед ертөнцийн эрээн бараан, нүгэл хилэнц шингэсэн орчин үеийн өөрчлөлтийн тухай сонсмооргүй байна" гэж тэр хатагтай зэмлэсэн байв. Хамба лам анхны хиппи лам нарын нэг байсан бололтой гэж Наижл бодов. Цуглуулгануудыг ухаж байтал тэр хувийн журмаар хандсан хүмүүст тусламж хүссэн эсвэл тусламж үзүүлсэн тухай, шүүжлэл бичсэн болон талархлаа илэрхийлсэн хэдэн захидал олов. Эдгээр захидлуудын дунд хамба ламын өөрийн гараар бичсэн тэмдэглэл байлаа. Наижл анх иймэрхүү тэмдэглэлд ихэвчлэн Бурхны тухай байдаг гэж боддог байжээ, гэтэл ламтан номлол, оршуулгын ёслолын үед хэлэх үгнүүдээ тэмдэглэж зарим үгийг дарж, хажуу талын зайг дүүргэж бичин уншихын аргагүй болтол эрээн мяраан болгосон байв. Ихэнх оршуулгын үед нас барагчийг хэрхэн амьдарч байсан талаар товч дурьдсан байлаа. Үүнийг олж харсан Наижлд эрсэн юмаа олно гэсэн итгэл төрж тэр бүх хайчилбар, захиа, тэмдэглэлүүдийг нэг бүрчлэн үзлээ. Хортон Ровлигийн талаар ямар ч тэмдэглэл олдсонгүй. Харин 1913 оны нэг тэмдэглэлд Сара Рийд гэсэн эмэгтэйн нэр тааралдав. Нэрний ард хашилтан дотор Ровли гэж бичжээ.
Энэ санамсаргүй тохиолдол уу? Наижл үүнд эргэлзэв.
Тэмдэглэл дотор Сарагийн нас, Хортонгийн нас барсан өдөр, түүний хүүхдүүдийн нэрс, насыг дараалуулан бичсэн байлаа. Дараагийн хуудсыг нээж үзэх үед Наижлын сэтгэл догдолж, зүрхнийх нь цохилт хурдсаад ирэв. Энэ бол түүнийг оршуулах үед хэлсэн үгийг хамба ламын өөрийн гараар бараг цэвэрхэн сийрүүлэн бичсэн тэмдэглэл байлаа. Эхний хуудсанд гурван хүүхдийн хайр татсан эх хүн, насан туршийн хайр дурлалаа өгч, одоо түүнтэйгээ үүрд холбогдсон Хортонгийн бэлбэсэн үнэнч гэргий, орон нутгийн идэвхтэй гишүүн гэсэн тодотгол бүхий оршуулгын үед ихэвчлэн хэрэглэдэг хэвийн зүйлсийг дурьджээ. Наижлын харц гэнэт дараагийн мөрнүүд дээр тогтлоо.

Сара бол та нарын мэдэх Бурхны итгэлт шавь нарын нэг байсан. Нийгэмлэгийн сүсэгтэн гишүүн болгон идэвх зүтгэлтэй байдаггүй. Харин Сарагийн Бурханд сүсэглэх итгэл үнэмшил бүхэнд ил харагддаг байлаа. Хайрт нөхрөө алдсаны дараа түүний амьдрал хичнээн их хэцүү байсан талаар би ярихгүй. Сараг таньдаг олонхи хүмүүс түүнийг далайн чанадаас мөрдөн хөөж ирсэн нэгэн шашны бүлэглэлийнхний савраас хэрхэн мултарч гарахыг оролдон тэмцэж байсныг мэднэ. Туршлагаас харахад ийм зам туулсан хүмүүсийн ихэнх нь Эзний хайр ивээлд орохоос татгалздаг. Харин Сара ийм сонголт хийгээгүй. Бурхны үгийг мушгин гуйвуулж, учир битүүлэг нууцыг далдалж, хуурамч шүтээн бий болгон түүнийгээ тахин шүтэхийг харж байсан Сара, Хортон хоёрын туршлага тэднийг харин ч Эзэнд улам ойртуулж өгсөн. Хортоныг алдсаны дараа Сара амьдарч байсан газраасаа нүүж манай сүмийн ивээл дор хорогдохыг хүссэн. Тэр хэцүү бэрхийг туулсан ч Ертөнцийн эзэнд итгэх итгэлээ алдаагүй. Үүнийхээ төлөө тэр ганцxан бидний зүрх сэтгэлд биш, харин Агуу их Бурхны хайр ивээлд үүрд амьдрах болно.

Наижл сайн ойлгохын тулд бичгийг дахин нэг удаа анхааралтай уншлаа. Далайн чанадаас ирсэн шашны бүлэглэлийнхэн гэнэ үү? Үүл сарниж тэнгэр цэлмэх мэт түүнд бүгд илэрхий боллоо. Хос залуус өөр улсаас зугтаж ирсэн байжээ. Гэхдээ хаанахын ямар шашны бүлэглэл байсан юм бол? Хуурамч шүтээн тахин шүтэж, учир битүүлэг нууцыг далдлах гэдэг нь ямар нэг ид шид маягийн зүйл байсан юм болов уу? Тэр яагаад нэрээ өөрчилсөн юм бол? Тэд түүнийг мөрдсөөр байсан юм болов уу?
Боодлын ардаас Наижл хэдэн бор өнгийн гэрэл зураг оллоо. Хоёр зурган дээр биеэ илт барьсан хамба ламтны зураг байлаа. Тэр үеийн хүмүүс гэрэл зураг авахуулж сураагүй, дасах хэрэгтэй байсныг Наижл мэддэг билээ. Өөр нэг зургийг хийдийн эмэгтэй гишүүдийг зугаалга хийх үеэр авсан байв. Малгай өмссөн эмэгтэйчүүд гурван эгнээ болон зогсжээ. Зурагны доод талд хамба ламын гараараа бичсэн "Архинаас татгалздаг эмэгтэйчүүдийн зугаалга, Маргэйт, 1913 оны наймдугаар сар" гэсэн тайлбар байлаа. Тайлбарын доод талд ламтан эмэгтэй гишүүдийн нэрсийг бичжээ. Наижл Сара Рийд ( Ровли) гэсэн нэрийг хайх шаардлага бараг байсангүй. Тэр өмнөх эгнээний голд зогсож байгаа нуруугаа цэхэлж омог бардам зогсох эмэгтэй бол Сара гэж шууд танив. Сонинд нийтлэгдсэн Кэти Дрэйкийн зурагтай тэр маш адилхан ажээ. Адилхан зузаан уруул, омог бардам байдал. Зураг авахуулах үед Сара гуч гаран настай байсан бололтой, хэдийгээр хүнд бэрхийг туулсан ч тэр царайлаг, сэтгэл булаам харагдаж байв. Сарагийн арьсны өнгө хамт байгаа шаазан шиг цагаан эмэгтэйчүүдийнхээс арай бараандуу өнгөтэй харагдах ажээ. Зургийг удаан ажиглах тусам Наижл түүний дуу хоолойн өнгө, үйл хөдлөл, хүч чадлыг мэдрэх шиг болов.
Нас барсан хүмүүсийн зураг Найжлд ямагт нэгийг өгүүлэх шиг санагддаг билээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:46 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.06.17 2:41 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15123
Location: Düsseldorf, Germany
hi, ehnii 10 hun bolzonu? bi awch bolohu?

_________________
управляй своей судьбой


Top
   
 Post subject: Re: Дан Ваддел
PostPosted: Jul.06.17 5:51 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
12


Өглөөний бүүдгэр гэрэл гал тогооны цонхоор тусах үед Фостер цайгаа хандалж байлаа. Цайны уутыг аяганд хийх үедээ тэрбээр өнөөдөр юу хийхээ бодож зогсов. Харрис болон хамтрагчид нь түүнийг өөрсдөөсөө түлхэн холдуулжээ. Фостерыг тэд одоо болтол мөрдлөгийн багийнхны цуглаанд оролцуулсангүй. Хурал цуглаан түүний ажиллавал зохих цагаас өөр үед, өөрөөр хэлбэл ихэвчлэн өглөө эрт эсвэл бүр орой болж байгаагаас үзэхэд Харрис гол асуудлыг түүнгүйгээр шийдэх гэсэн мэт Фостерт санагдаж байлаа.
Наоми алга болсноос хойш дөрвөн өдөр өнгөрч хэдийн баасан гариг болжээ. Викерсийг сэжигтэн биш гэж үзсэн бөгөөд бусад таамаглалуудын жагсаалт энэ хооронд улам цөөрсөн байлаа. Цагдаагийн газар авчирч байцаасан бүх садар самуун явдалтан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн ажилд уруу татагч нар буруугүй гэсэн хангалттай нотолгоотой байв. Уур хилэн одоо горь тасралт, цөхрөлөөр солигджээ. Мөрдлөгийн багийнхан одоо бага насны охидтой бэлгийн харьцаанд орсон байх магадлалтай гэсэн үндэслэлээр өсвөр насныхныг цагдаагийн газарт авчирч эхэллээ. Урьдчилсан байдлаар тэдний ихэнх нь уруул амаа будаад сурчихсан насанд хүрсэн бүсгүйчүүдтэй харьцаатай байсан нь тогтоогджээ. Гэлээ ч Сузи Дансоны зөв гэх нэг үндэслэл байлаа. Хэрвээ энэ бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэж үзвэл тэдэнд зөвхөн гурав дөрвөн өдөр л байгаа. Энэ хугацаа бараг дуусч байгаа учир мөрдлөгт оролцож байгаа хүмүүс одоо бүр цөхөрч эхэлжээ. Хэвлэл мэдээллийнхэн охиныг аюул осолгүй буцаан олж авахад ахиц гарсан эсэхийг мэдэхээр шавдуулж байснаас мөрдлөгийн ажлыг гартаа авсан Харрис мэдээллийн төв байранд царайгаа барайлган зовж шаналсан төрхтэй байх болжээ.
Фостер уур савсах аяга руугаа тонгойв. Мэргэжилтэн болтол нь өсгөж өндийлгөсөн цагдаагийн корпус одоо өөрийг нь бүхнээс хүчээр холдуулж байгаа гэдэгт тэр итгэхгүй байлаа. Одоо мөрдөж байгаа энэ хэрэг зөвхөн бэлгийн харьцаанаас үүдэлтэй биш гэдэгт, бас Наоми одоо хүртэл амьд байгаа гэдэгт Фостер итгэлтэй байв.
Тэр цайнаасаа балгачихаад долоо цаг дөхөж байгааг зааж буй гал тогооны цаг руу цөхөрсөн шинжтэй харав. Фостер юу ч хийхгүй суухыг үзэн яддаг боловч ажлын "үндсэн төлөвлөгөө" ёсоор тэр есөн цагаас өмнө ямар ч юм эхлэх аргагүй ажээ. Өнгөрсөн шөнө тэр бараг унтаж чадаагүй бөгөөд Гэригийн гэрт ирж байсан эрийн тухай, мөн Леонид өгсөн Жовын эрдэнэс олсон тухай өгүүлдэг номын тухай санаанд нь байн байн орж байжээ. Фостер интернэт дээр зурган ном, зурагтай номнуудаас хайж үзсэн боловч хүүгийн хэлсэн номтой төстэй гэхээр юу ч олсонгүй.
Дууг нь хаасан гар утас үүдний ширээн дээр чичирхийлэхийг Фостер сонсов. Дуудлагын дуу дотрыг нь бачимдуулаад байсан тул тэр утсаа зөвхөн чичирхийлэл дээр нь тавьсан ажээ. Дуут шуудан хүлээн авах дохиоллыг тэр хэдхэн хормын өмнө тааруулсан байжээ. Энэ Хадер байлаа.
- Сайн уу? Чамайг сэрээчихэв үү?
- Үгүй, би аль хэдийн боссон.
- Ашгүй дээ. Чамд дуулгах юм байна. Би сая энд орж ирээд өчигдөр Мартины эхнэр Кэрол Стами чам руу утасдсан гэсэн тэмдэглэлийг оллоо.
- Хэдэн цагт утасдсан байна?
- Оройн арван нэгэн цаг дөнгөж өнгөрч байхад. Фостер тэр
үед сэрүүн байсан болохоор уурандаа хараал урсгаж гарав.
- Тэд яахаараа надад үүнийг дамжуулж хэлдэггүй билээ?
- Тэд чамайг үймүүлж болохгүй гэсэн даалгавар авсныг мэдэж байгаа юу? Тэд чамайг ажлаасаа тараад явчихсан болохоор Кэролоос өөр хүнтэй ярилцах эсэхийг асуусан боловч тэр утсаа тасалчихсан гэнэ. Чамайг нэг юм хийх байх гэж би бодсон юм.
Фостер түүнд талархан яриагаа дуусгав. Тэр гал тогоонд буцан орж цайгаа дуустал нь уучихаад Кэрол Стами руу утасдлаа. Утасны дуудлагыг хүн авсангүй. Тэр унтаж байгаа бололтой. Фостерт эмэгтэйн гар утасны дугаар байсангүй. Кэрол өчигдөр яагаад утсаа тасалсан юм бол? Нөхөр нь түүний утасдахыг мэдээгүй бөгөөд гэнэт орж ирээд түүнийг хориглосон юм болов уу? Эсвэл түүнд зөвхөн өөрт нь дуулгахыг хүссэн зүйл байсан байх. Эхний тохиолдолд Мартин Стами утсаа авчихаж болох тул Фостер утасдахгүй байсан нь дээр байлаа. Тэр хурдан халуун усанд орж хувцаслаад дараа нь машиндаа суун шууд Пурфлийт рүү явав. Ажлын газраас утасдаж яагаад ажилдаа ирээгүйг асуувал физик эмчилгээний эмч дээр байна гэж хэлнэ гэж Фостер боджээ. Тэгээд ч энэ бараг худлаа биш үд дундын үед тэр эмчтэй ярилцлага хийхээр товлосон билээ.
Наймаас арван тав минут өнгөрч байх үед Фостерыг байшингийн өмнө ирэхэд шиврээ бороо орж байв. Өглөө эрт, гэгээ бүрэн ороогүй байсан тул Фостер машиныхаа том гэрлийг асаалттай хэвээр нь орхилоо. Байшингийн урд хоёр машин байгааг хараад тэр амандаа хараал урсгав. Мөнгөлөг саарал өнгөтэй ягуар маркийн машины ард Каролынх бололтой улаан өнгийн Алфа Ромео зогсож байлаа. Фостер хүүхдүүд хэдийн сургуульдаа явж, Мартин ажил дээрээ байгаа гэж найдаад машинаасаа буув.
Эмэгтэйд хэдэн асуулт тавих хэргээр тэр хаалгыг нь хэзээ ч тогшиж болно. Түүнд нөхөртөө мэдэгдэхийг хүсээгүй нууж байгаа зүйл байгаа бол Фостерт хэлж магадгүй юм. Хэрэв энэ удаа боломж гарахгүй бол Фостер түүнд гар утасныхаа дугаарыг өгөөд дараа өөр лүү нь утасдана гэж найдах
хэрэгтэй болжээ.
Фостер явган хүний замаар алхан хаалга руу очлоо. Хэдийгээр гадаа бүрэнхий байгаа ч байшинд гэрэл асаагаагүй байв. Хаалганы хонхыг дарах үед нөгөө нохой галзуурсан мэт хуцах байх гэж бодтол ямар ч чимээ гарсангүй. Фостер дахиад хонхны товчлуурыг дарсан боловч хэн ч хаалган дээр ирсэнгүй.
Фостер арагшаа хэдэн алхам ухраад дээд талын цонхнууд руу харвал хөшигнүүд бүгд хаалттай байв. Тэд бүгдээрээ гараад явчихсан юм болов уу? Гэхдээ Кэрол өчигдөр орой гэрээсээ утасдсан байсан.
Фостер зүлгэн дээгүүр алхан байшингийн хажуу талд харагдах модон хаалга руу очлоо. Тэр хаалгыг чанга түлхтэл хүчтэй саван онгойв. Замын цаад үзүүрт бас нэг хаалга байлаа. Байшингийн дэргэд хоёр хогийн том сав, хэдэн дарс, пивоны шил хийсэн хайрцагнууд, тамхины иш дүүртэл хийсэн шавар үнсний сав харагдана. Фостер замаар алхах үедээ нохой хэзээ хэзээгүй хуцаж өөр лүү нь дайрвал юу хийвэл зохих вэ гэж бодож байлаа. Тэр уржигдар орой нохойг хараагүй боловч арслан барс мэт хуцаж байхыг нь сонссон билээ. Түүнтэй тааралдаж байсан ихэнх ноходын гаргаж байсан араншингаас болоод Фостер нохойнд үнэхээр дургүй болсон ажээ.
Замын төгсгөлд харагдах хүнд модон хаалга хагас онгорхой харагдав. Фостерт Стами шиг луйварчин арынхаа хаалгыг хүн бүхэнд нээлттэй орхисон байна гэдэг байж боломгүй санагдлаа. Тэр ардаа байгаа хаалгыг эхэлж ажиглавал нэг далд цоож бас шөнө хэрэглэдэг хоёр цоож байсан боловч бүгдийг цоожлоогүй байжээ. Фостер цааш алхвал өндөр хашаагаар хүрээлэгдсэн асар том цэцэрлэгт орж ирлээ. Цэцэрлэгийн голд байгаа зүлгэн дунд өвлийн бүтээлгээр бүтээсэн усан сан харагдана. Усан сангийн баруун талд шилэн хүлэмж, түүний ар талд чулуугаар өндөрлөж зассан талбай дээр цэцэрлэгийн тавилга, уутаар бүтээж орхисон мах шарагч байлаа. Цаад талд нэг чулуун баримал тавьжээ. Тэнд одоо магадгүй ажиллахаа больсон нэг усан оргилуур байсан бололтой. Гэвч Фостер анхаарлаа зүлэг рүү хандуулав.
Зүлгэн дээр нүүрээ газар луу харуулан хэвтэх хоёр хүний бие харагдсанд Фостер яаран гүйж очлоо. Тэд хоёулаа үхчихсэн ажээ. Эхнийх нь Мартин Стами байв. Тэр нүцгэн байх бөгөөд гараа алдлан хэвтэх түүний толгойн ар талд зад буудсан шарх харагдав. Түүнээс таван метрийн зайтай хэвтэх унтлагын хувцастай түүний хүү бололтой цогцосны царай сумны шархнаас болоод танигдахын аргагүй болжээ. Хоёр цогцосноос эхэлсэн цусан мөр онгорхой хаалгыг чиглэсэн байв. Хаалгыг дэлгэж хаяжээ.
Фостер гар утсаа аван Хадер луу залгаад хаана байгаагаа хэлж, дүүргийн цагдаагийн газартай яаралтай холбоо барихыг тушаалаа. Санаа нь зовсон Хадер
- Юу болсон юм бэ? гэж асуув.
- Би сайн мэдэхгүй байна гэж Фостер хариулаад утсаа тасаллаа. Тэр өөрөө энэ хэргийн учрыг хурдан мэдэхийг хүсэж байв.
Фостер дэлгээтэй хаалга руу очиж хөшгийг хажуу тийш болгон дотогшоо ортол уржигдар орой Хадер тэр хоёрын Мартин Стамитай ярилцаж байсан өрөө байлаа. Тэр өрөөг тойруулан харвал байрнаасаа хөдөлсөн гэхээр юм ажиглагдсангүй. Баруун гар талд нь шилэн хүлэмж рүү ордог хаалга харагдана. Тэнд бас нэг ч юманд гар хүрээгүй бололтой. Том цэлгэр гал тогоо ч мөн адил цэвэрхэн харагдаж байв. Фостер буцаж том өрөөнд ороод тэндээсээ үүдний хаалга руу очдог хонгил руу явлаа. Түүний баруун талд хуучны том ширээ, босоо цаг тавьсан хоолны өрөө харагдана. Өрөөг бараг ашигладаггүй байсан бололтой, бага зэрэг чийгний үнэр ханхалж байв.
Цусны мөр хаалга нь онгорхой хонгилд орж тэндээс налуу өргөн шатаар дээшээ чиглэсэн байлаа. Шатны гишгүүрүүдийг зузаан хивсээр өнгөлжээ. Фостер дээшээ шатаар өгсөн гараад чимээ чагнан хэсэг зогсов. Байшинд алсаас сонсогдох хурдны замын хөдөлгөөний чимээ, доор цохилох цагны дуунаас өөр ямар ч чимээ гарсангүй. Өмнө талд нь харагдах угаалгын өрөө хоосон байлаа. Фостер зүүн тийшээ эргэвэл баруун гар талд нь залуухан поп одын зурагт хуудас наасан хаалга тааралдав. Энэ өрөө охиных байх гэж бодсон тэрбээр хаалгыг онгойлговол түүний зөв бололтой Наоми Бэкингэмийн өрөөнд харсан шиг зүйлс байлаа. Орыг цэмцийтэл хураасан ажээ. Харин өрөөнд хэн ч байсангүй, бас цусны мөр ч алга байв.
Цусан мөр хоёр салж нэг нь энэ давхрын хамгийн сүүлчийн хаалга руу нөгөө нь дээд давхар луу гардаг шатанд хүрсэн байлаа. Хаалганд завсар гарсан байв. Фостер хаалгыг нээвэл нүүрэн тал нь шил толь болсон тааз хүрсэн өндөртэй ханын шүүгээнд тулчихав. Тэр амьсгалаа гүн авснаа өрөөнд орлоо. Кэрол Стами орон дээрээ хөл гараа сарвайлгаад нүцгэн хэвтэж байх нь тэр. Фостер эхлээд түүнийг улаан дэвсгэр даавуун дээр хэвтэж байна гэж бодсон боловч цагаан толбонуудыг хараад орны даавуу тэр чигтээ цусанд нэвчсэн болохыг ойлголоо. Түүний ар дагзанд буудсан газар цус нөжрөн тогтжээ. Орны даавуун дээр дотор эрхтнүүдийг тараан хаяснаас үзвэл нөхрийг нь түүний дэргэд алаад дараа нь гадагшаа чирж гаргасан бололтой. Фостер дээд давхар луу гарч хүүгийн цус нөж болсон орны даавууг харвал тэнд адилхан зүйл болсон нь илт харагдаж байв.

Хэдэн хормын дараа Фостер дахиад цэцэрлэг дотор зогсож байлаа. Энэ хооронд энд тэндгүй үймэлдэх мөрдөгчдийн баг хэдийн ажлаа эхэлжээ. Түүний хувьд энд хийх ажил дууссан мэт байлаа. Фостерыг үзэж харсан бүхнээ эргэцүүлэн бодож байтал байшингийн дэргэд тас хар өнгийн машин ирж зогсов. Хоёр өдрийн өмнө энэ байшинд зурагт үзээд сууж байсан охин машинаас үсрэн буулаа. Сургуулийн дүрэмт хувцас өмссөн охины царай айдаст автсан харагдана. Түүний араас машинаас бууж ирсэн бараан үстэй гуч эргэм насны эмэгтэй байшин руу гүйх охиныг зогсоохоор араас нь дуудлаа. Охиныг ойртон ирэхэд Фостер түүнийг барьж авахаар тосон очив. Тэр Фостерын харцнаас нэгийг олж харсан мэт зогтусан зогслоо. Охины царай цонхийн цайж, том нүдэнд нь нулимс цийлэгнэнэ. Салганан чичрэх гараараа нүүр лүү нь унжсан туг үсээ хойшлуулан илээд охины ам өмөлзөж эхэллээ. Охиныг өрөвдсөн Фостер, Есүс минь, энэ чинь жаахан хүүхэд шүү дээ гэж бодлоо.
- Энд юу болсон юм бэ? гэж охин түгшиж чичирхийлсэн хоолойгоор асуув. Бараан үстэй эмэгтэй тэднийг гүйцэн ирж охиныг тэврэн авлаа.
- Амбер Дэвидсон гэж тэр өөрийгөө танилцуулаад
- Би Рэчилийн сайн найз Трэсигийн ээж байна гэлээ.
- Ингэхэд энд юу болоод байгаа юм бэ? гэж охин хашгираад эмэгтэйн тэврэлтээс мултрахыг оролдон тийчилсэн боловч хүчирсэнгүй. Энэ эмэгтэй охины дэргэд байгаад Фостер дотроо талархаж байлаа.
- Рэчил, энд нэг юм болсон гэж хэлээд Фостер Амбер луу харав. Хэрэв охин муурч унах ч юм уу эсвэл зугтаахыг оролдох үед энэ эмэгтэй түүнийг тогтоон барьж дийлнэ гэдэгт тэр итгэжээ. Эмэгтэй Фостерын бодлыг уншсан мэт охиныг өөртөө улам чанга наалдуулан тэвэрлээ. Гэрийн ойролцоо олон тооны цагдаа нар холхилдож байхад Фостер Рэчилийг ийм байдалтай удаан тогтоон барьж чадахгүй нь ойлгомжтой ч түүнийг байшинд орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байлаа. Фостер охинд хандан
- Чиний аав, ээж, ах нарыг дээрэмдсэн байна гэж нэмж хэлэв.
- Тэд зүгээр үү?
Фостер дахин Амбер луу харснаа харцаа охин руу хандуулсан ч түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Гэвч хэлэх шаардлага гарсангүй, охин бүгдийг ойлгожээ.
- Тэд бүгдээрээ үхчихсэн юм байна, тийм ээ?
Рэчил түүнийг хэдэн секунд үг дуугүй гөлрөн харж байснаа
- Үгүй ээ, үгүй гэж хашгиран толгойгоо хүчтэй сэгсчиж эхэлснээ дараа нь хамаг биеэ чангалан Амберын нүүрэн дундуур дэлслээ. Амберын уруул хэгзэрч цус гарсанд Фостер түүнд тусалж, охиныг барихаар урагш ухасxийв. Охины хумсыг хацар дээр нь хальт хүрэхийг мэдэрсэн тэрбээр сарвалзан тийчилсээр байгаа охины гарыг хумин тэвэрч авлаа. Дүрэмт хувцастай хоёр цагдаа тэдэнд туслахаар гүйж ирэв. Рэчил амаа ангалзуулан хашгирахыг оролдсон боловч дуу нь гарахаа больж бүх бие нь суларлаа. Охиныг үнэн сэтгэлээсээ өрөвдсөн Амбер түүнийг энгэртээ наалдуулан тэврэв. Фостер тэднээс гараа суллан авч ойролцоо байсан нэг цагдаа руу очиж
- Эмэгтэй цагдаагийн ажилтан, бас эмч аль болох хурдан олж авчир гэж хэллээ.
Таван минутын дараа Рэчил цагдаагийн машин дотор хөнжил нөмрөн мэдээ алдсан мэт сууж байв. Нэг эмэгтэй цагдаа дэргэд нь суужээ. Тэд охинд тайвшруулах тариа хийх хэн нэгэн ирэхийг хүлээж байв. Фостер Амбертай аминчлан уулзлаа.
- Энд яг юу болсон юм бэ? гэж эмэгтэй асуулаа. Түүний сормуусны будаг хацрыг нь даган урсжээ. Амбер өндөр нуруутай, хурдан шаламгай нэгэн бөгөөд эрүүл сайхан бор царайтай ажээ.
Фостер толгой сэгсрээд
- Тэд бүгд алагдсан байна. Одоохондоо бид өөр юм мэдэж чадаагүй байна гэж худлаа хэлснээ
- Урьд шөнө Рэчил хаана байсан юм бэ? гэж асуулаа.
- Миний дэргэд. Тэр манайд хоносон. Өчигдөр охид маань бүжгийн дугуйланд явсан. Хичээлийн дараа тэд ихэвчлэн хамт хонодог юм. Заримдаа манай гэрт, заримдаа охин маань түүнтэй... Өө, Есүс минь. Амаа алгаараа дарсан тэрбээр охинд нь юу тохиолдож болох байсныг ойлгосон учир дуугарч чадсангүй.
- Тэр яагаад сургууль дээрээ байгаагүй юм бэ?
- Бид тэнд байсан боловч охин зургийн хичээлд өгсөн даалгавраа гэртээ мартчихсан байна гэсэн. Бид Трэсиг сургууль дээр нь буулгачихаад даалгаврыг авахаар наашаа ирцгээсэн юм.
Фостер нүднийхээ буланд нэг шөрмөслөг жижиг биетэй
мөрдөгч тэдэн рүү ойртон ирэхийг харлаа. Гадна төрхөөс нь харахад тэр тоглоом ч үгүй их ширүүн нөхөр бололтой байсан ч Фостер үл мэдэгч царайлав.
- Өчигдөр энд бүх юм хэвийн байсан уу? гэж Фостер эмэгтэйгээс асуулаа.
- Үгүй, яг ч тийм биш.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Тэдний нохой их айхтар өвдчихсөн байсан. Намайг Рэчилийг авахаар ирэхэд охин нохойндоо их санаа зовж байсан. Эцэг нь нохойг амьтны эмч рүү аваад явсан юм билээ. Намайг сүүлд утасдахад тэд нохойг үхсэн гэж хэлээд Рэчилийг тэсвэрлэхгүй байж магадгүй учир түүнд битгий дуулгаарай гэсэн. Тэд Рэчилд өөрсдөө хэлсэн нь дээр гэж бодсон юм. Ингэхэд юу гээчийн айхтар юм болоод байна аа, энэ чинь?
- Рэчил хэдэн настай вэ?
- Тэр миний охинтой чацуу, арван хоёртой. Юу гэж?
- Би зүгээр мэдэх гэсэн юм. Рэчилийг өчигдөр ирж авахад чинь эх нь ямар нэг чухал гэмээр юм хэлсэн үү?
- Үгүй. Кэрол нохойндоо санаа их зовж байна гэсэн. Орой нь надад тэр утсаар нохойг хордуулсан байна гэж хэлсэн.
Кэрол яагаад өчигдөр түүн рүү утасдсаныг Фостер одоо ойлголоо. Алуурчин дотогшоо тайван нэвтэрч орохын тулд нохойг хордуулсан юм байна. Кэрол ямар нэг аюул нөмрөөд байна гэдгийг мэдэрчээ. Тэр яагаад дүүргийн цагдаагийн газар луу утасдаагүй юм бол? Мартин Стамигийн амьдралын хэв маягаас үзвэл тэд түүнийг тусламж гуйж утасдахад бараг үл тоох байсан биз. Би тэр үед гэртээ байсан шүү дээ гэж Фостер бодлоо. Хэрэв ажлын газрынхан нь эмэгтэйг түүнтэй холбож өгсөн бол Фостер энэ хэргийг гарахаас урьдчилан сэргийлж чадах байсан ч байж магадгүй. Энэ муу новшийн "ажлын үндсэн төлөвлөгөө" гэгчээс болж энэ хүмүүс үхчихлээ.
Энэ хооронд нөгөө мөрдөгч тэдэнтэй ойрхон зогсож байлаа. Тэр Амбер Дэвидсонд өөрийгөө Эссексийн цагдаагийн газрын ахлах мөрдөгч Дэйв Алвин гэж танилцуулав. Түүний хоолой нь хоолойд нь юм тээглэчихсэн юм шиг хяхтнаж сонсогдоно.
- Хатагтай, намайг хамтрагчтайгаа хоёулхнаа ярилцахад та дургүйцэхгүй биз дээ? гэж хэлээд тэр Фостерын урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй сэжгийн муухай хуурмаг инээмсэглэл царайндаа тодрууллаа.
- Тэгэлгүй яахав. Би бас Рэчил дээр очих хэрэгтэй байна гэж эмэгтэй хариулав.
Алвин инээмсэглэсэн хэвээр харагдана. Фостер тэр хоёр цагдаагийн машин руу явж байгаа Амберын араас харж зогсов. Алвин түүнийг машинд суухыг хараад Фостер луу инээмсэглэсэн чигээрээ эргэн харлаа. Тэр эр нуруугаар Фостероос нилээд намхан, боксчны шиг хавтгай хамар, өтгөн буурал үстэй, нас нь тавь гарсан бололтой, харваас бодсноо шулуухан хэлчихдэг хуучин бууны хугархай байлаа.
- Ингэхэд чи хаанахын ямар гээчийн новш нь болоод, ямар чөтгөрөө хийж миний гэрчийг асууж шалгаагаад байгаагаа надад тайлбарлаад өгч чадахгүй биз?
- Ахлах мөрдөгч Грант Фостер, Метрополитаны Цагдаагийн Газар гэж хэлээд Фостер гараа сунгалаа.
- Чамаас сунгасан гараас чинь арай илүү дээр юм хүлээж байсан юмсан, залуу эр минь гэж Алвин нэмж хэлэв. Фостер гараа буулган халаасандаа хийлээ.
- Би энэ хүмүүсийн үхсэн байхыг нь олсон юм.
- Би тэр тухай сонссон. Чи гэрээсээ их л хол зугаалж байх чинь. GPS чинь чамайг төөрүүлчихээ юү?
- Кэрол Стами өчигдөр орой надтай холбоо барих гэж оролдсон байсан. Өнгөрсөн лхагва гаригийн орой би мөрдөж байгаа хэрэгтэйгээ холбоотой Кэрол Стами болон түүний нөхөртэй уулзаж ярилцсан.
Алвин халааснаасаа тамхи гарган асаав. Сорсон тамхиныхаа утааг гүйцэд үлээж гаргасны дараа тэрбээр
- Тэгэхээр бидэнд өөр ямар хэрэг байгаа юм бэ? гэж асуулаа.
- Лондонд арван дөрвөн настай охин хулгайлагдсан. Түүний эх нь алагдсан. Албин өтгөн хөмсгөө өргөн
- Мэдээгээр гараад байсан нөгөө шаргал үстэй охин уу? гэлээ.
Фостер толгой дохив.
- Энэ хэргүүдийг чи хоорондоо холбоотой гэж бодож байна уу?
- Тийм ээ. Би тэгж бодож байна гэж Фостер хариуллаа.
Алвин тамхиа татаж утааг нь чимээ гарган буцааж үлээв.
- Яагаад тэгж бодож байгаагаа чи надад хэлж болох уу?
Фостер хэсэг чимээгүй зогслоо. Бороо шиврэн орсоор байв.
- Quid pro quo. Чамайг миний асуултанд хариулах юм бол би чинийхэд ч гэсэн хариулъя.
- Асуу л даа.
- Мартин Стами чухам ямар хүн байсан юм бэ?
- Нэг муу чацга.
- Том уу, жижиг үү?
- Жижигхэн. Гэхдээ тэр өөрийгөө том хулгайч гэж боддог байсан. Миний бодлоор түүнийг удирдаж байдаг хэн нэгэн байсан.
- Тэр ямар төрлийн худалдаа хийдэг байсан юм бэ?
- Нууцаар хил давуулах тамхины наймаа эрхэлж, хулгайн зүйлс хадгалж худалддаг, бас бусдыг сүрдүүлж мөнгө салгадаг байсан. Одоо миний ээлж. Энэ хэрэг яагаад чиний хариуцсан хүн хулгайлсан болон хүн амины хэрэгтэй холбоотой байдаг билээ?
- Стами болон миний хохирогч нар нэг гэр бүлийн цусан төрлийн хүмүүс.
- Ямар төрлүүд гэж?
- Үеэлүүд.
- Эгч дүүгийн хүүхдүүд юм уу?
- Үгүй ээ, холын төрлүүд.
- Хохирогч чинь буудуулсан юм уу?
- Боомилж алсан. Дараа нь түүнийг гадагшаа цэцэрлэг рүү чирч гарган хоолойг нь хэрчсэн. Стамид дайсан байсан уу?
- Тэр олонд тийм ч нэр алдартай байгаагүй. Хичнээн дайсантай байсныг тодруулахад нилээд ажил хийх шаардлагатай болно. Та нарын хохирогчид бас ийм юм тохиолдсон юм уу? Би тэр хохирогч эмэгтэйнд шөнийн цагаар нэвтэрч орсон уу гэж асуух гэсэн юм.
- Үгүй. Алуурчныг хохирогч өөрөө гэртээ оруулсан гэж бид бодож байгаа. Охиныг сургуулиасаа ирэхэд нь алуурчин аваад явсан. Кэрол Стами өчигдөр надтай ярихаар утасдсан байсан. Тэр та нар луу бас утасдсан уу?
- Үгүй. Миний бодлоор энэ хоёр тохиолдол хоорондоо ямар ч хамаагүй юм шиг байна.
- Охинд юу тохиолдох байсан бол?
- Юу гэсэн үг вэ? Түүний аз болж тэр найзындаа байсан. Хэрэв тэр энд байсан бол бас тэр галзуугийн хоол болох байсан.
- Магадгүй тэр бас хулгайлагдах байсан.
- Магадгүй. Гэхдээ энэ магадгүй гэдгээр чинь хол явахгүй. Хэрвээ чи энэ хэргийг гардан авахыг хүсэж байгаа бол илүү дээр үндэслэлүүд гаргаж ирэх хэрэгтэй, найз минь.
Фостер хэсэг алсыг ширтэн зогслоо. Бороо ширүүсэн орж богиносгож засуулсан үсийг нь даган урсана. Одоо эргэн тойронд улам бүрэнхий болсон байв. Хамтрагчийнх нь зөв байлаа. Фостер энэ аллагуудад нэг ижил шинж төрх байгаа гэдгийг л зөвхөн мэдэрч байгаа ч чухам яг ямар арга барил гэдгийг хэлж мэдэхгүй байв. Өөрт нь нэг бүдэг бадаг бодол байгаа ч үүнийг тайван сууж эргэцүүлэх хэрэгтэй гэж Фостер боджээ.
- Сонсооч гэж Алвин нөхөрсгөөр хэлээд
- Алга болсон охины хэрэг дээр бид одоохондоо юу ч хийж чадахгүй. Мөрдлөгийнхөө талаар би чамд хувиараа мэдэгдэж байх болно. Хэрвээ миний зөв болж энэ хөлсний алуурчны хийсэн хэрэг байх юм бол надад хэрэгтнийг олж барих их хэцүү байх болно гэдгийг чи ойлгож байгаа байлгүй. Хэрэв энэ хэрэг тооцоо бодсон өшөө авалт биш бол дараа нь хоёулаа дахин ярилцъя. Ингэж тохирох уу? гэлээ. Фостер одоохондоо ингэхээс өөр арга байхгүй гэж бодоод толгой дохисноо
- Чи охиныг яая гэж бодож байна? гэж асуулаа.
- Бид түүнийг хамгаалалтанд авах тал дээр санаа тавина. Тэгээд дараа нь төрөл төрөгсдөд нь аваачиж өгнө.
- Охинд өөр ямар ч төрөл садан байхгүй. Би тэдний гэр бүлийн намтар түүхийг сайн мэднэ.
- Зүйтэй. Магадгүй найз нөхдийнх нь нэгэнд өгье. Тэгээд дараа нь юу болохыг харцгаая. Би хэлсэн амандаа хүрч түүнд хэрэгтэй хамгаалалтыг гаргаж өгнө.
Фостер машиныхаа түлхүүрийг гаргаж ирлээ.
- Нохойг хордуулж алсан. Өчигдөр орой. Магадгүй чи нохойг чандарлахаас өмнө амьтны эмч рүү очиж задлан шинжилгээ хийлгэж болох юм.
Бороон дунд шил арчигчаа ажиллуулан машинаа жолоодох зуур Фостер Алвинтай ярьсан зүйлсээ бодсоор явлаа. Охиныг гэртээ байгаа гэж алуурчин бодож байсан юм болов уу? Тэр гэртээ байгаагүй учраас алагдаагүй эсвэл хулгайлагдсангүй. Алуурчин гэрийн ойр орчинд сайн ажиглалт хийгээгүй учраас охиныг гэрээсээ явахыг анзаарсангүй юу? Фостер цэцэрлэгт алагдчихсан хэвтэж байсан Стамигийн хүүгийн тухай бодлоо. Алуурчин хүүг хулгайлсангүй. Таамаглаж байгаагаар нь энэ аллагууд хоорондоо холбоотой юм бол тэр ижил төстэй зүйл нь яг юу юм бол? Хаа нэгтээ ийм зүйл байх ёстой гэдгийг Фостер мэдэж байгаа ч яг тэр гээд тодорхой хэлчих юм одоогоор байсангүй.
Фостер толгойгоо амрааж дахин бодолд дарагдахгүйг хичээн стерео тоглуулагчаа асаалаа. Үгийг нь мэдэхгүй ч ая нь нэг л танил дуу сонсогдсон боловч тэр толгойд эргэлдэх бодлоо орхиж чадахгүй байлаа.
Алвиныг хэлсэн амандаа хүрнэ гэдэгт Фостер итгэж байсан тул Рэчил одоо аюулгүй байгаа билээ. Леони тэр хоёроос гадна одоо Их Британид тэдний төрөл төрөгсдөөс гурван эрэгтэй амьд байгаа билээ. Нэг Стами шоронд хоригдож байгаа учир түүнд тэрнээс өөр найдвартай хамгаалалт гэж үгүй. Хоёр дахь нь Антони Чапман. Тэд одоогоор түүний талаар сайн мэдэхгүй. Цагдаагийнхан түүнийг яаралтай олох нь чухал. Сүүлчийнх нь Гэри Стами байлаа. Фостер цэцэрлэгт амьгүй хэвтэж байсан Стамигийн хүүгийн тухай дахин бодсноо гэнэт нэг чухал юм саналаа.
Тэр Гэриг хамгаалалтанд авах арга хэмжээг хурдан зохион байгуулах хэрэгтэй байв.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.06.17 9:44 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15123
Location: Düsseldorf, Germany
Bayarlalaaaa :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.06.17 11:34 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Сонирхолтой гоё зохиол байлаа. Ойрд ийм детектив төрлийн зохиол уншаагүй сайхан байна.

Орчуулагчдаа баярлалаа, энд аль нэг хэвлэлийн компанитай тохиролцоод эрхийг нь авахуулах талаар ярьж болохгүй юу? Хэвлэлийн компаниуд эрхийг нь авчихдаг даа уг нь...Энэ их хөдөлмөр гаргаж орчуулсных, илүү олон хүнд хүргэвэл уг нь...

Хэрвээ хэвлүүлэхээр болчихвол энд оруулснаа янзалчихаж болно шд...

@naran1962

Tnx, пм авлаа.

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.06.17 2:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Сонирхолтой ном юм шиг байна. Уншиж эхлээгүй л байна. Надад pm-ээр явуулаач. Tnx


Top
   
PostPosted: Jul.06.17 5:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
13


Баасан гаригийн өглөө Наижлын хувьд таатай сайхан эхэлсэнгүй. Нэг охин алга болж аюулд өртөөд байхад тэр энд олигтой үр дүнд хүрсэн юмгүй зураг авалт хийлгэн үнэт цагаасаа алдсаар байв. Энэ удаа норвег эр, зураглаач Гаиг гуч эргэм насны эрч хүчтэй, хүрэн үст бүсгүй, найруулагч Лаисеттэ дагалджээ. Бүсгүйн зоригжуулсан үгнүүд Наижлд ямар ч тус болсонгүй. Түүний ухаан санаа нь хаа нэгтээ тэнүүчлэхээс гадна гарт нь өгсөн авах юмгүй муу бичигдсэн зохиолын үгс бас их нөлөөлж байлаа.
Үдийн цайны алдад сүүлчийн зураг авалтын үеэр Наижл хэтэрхий их хичээснээс хэл нь ээдэрч, нүд нь тогтохоо больсонд хамаг биеэ хураан суулаа. Лайсеттэ заримдаа сайшаасан үг хэлэх боловч тэр нь түүнийг жаахан хөгжүүн болгох зорилготой гэдгийг мэдэж байв. Гаи бүр ядарчихсан бололтой гүн санаа алдах нь Наижлд цөхөрч байгаагаа харуулах мэт. Хэд хоногийн дараа тэд өөр лүү нь утасдаж өөр тоглогч авахаар болсноо мэдэгдэнэ гэдэгт Наижл итгэлтэй байлаа.
Фостерын утсаар сандарсан бололтой хэлсэн үгс түүнийг
хэдий түгшээсэн ч байдлыг арай өөрчилжээ.
- Чиний надад өгсөн нэрсийн жагсаалтыг санаж байна уу? гэж тэр асуужээ.
- Хойч үеийн удмынхан уу?
- Чи жагсаалтыг эмэгтэй талын удмыг хөөж зөвхөн нөгөө хосуудыг хүртэл гаргасан учраас цөөхөн нэрс байсан. Наижл түүний хэлснийг баталлаа.
- Жагсаалтанд байсан хүмүүсийн хоёр нь, бас тэдэнтэй гэр бүлийн харьцаатай нэг хүн өчигдөр орой алагдсан. Кэти Дрэйк алагдсан, Наоми Бэкингэм сураггүй болсон. Жагсаалтанд байсан бас нэг охин алга болж, түүний эх үхсэн. Долоон жилийн өмнө нэг гэр бүлийн дөрвөн хүн Шинэ Зеланд руу нүүж суурьшсаныг бид мэдэж байгаа. Тэгэхээр одоо гурван хүн үлдээд байна. Тэдний нэгтэй Хадер бид хоёр өчигдөр ярилцсан. Түүнийг Гэри Стами гэдэг. Леони бол түүний алга болсон эгч нь байгаа юм. Эх нь мансууруулах бодисны тун хэтрүүлснээс болж нас барсан. Эгч нь алга болохоосоо өмнө нэг эрэгтэй хүнтэй уулзсан гэж хүү бидэнд хэлсэн. Тэр эрэгтэй хослол өмссөн байсан бөгөөд тэдэнд нууц эрдэнэстэй Жов гэдэг нэг хүүгийн тухай өгүүлдэг ном өгсөн гэсэн. Юуны талаар яриад байгааг минь чи ойлгож байна уу?
Наижл хэдийн ойлгосон байлаа. Өнгөрсөн үе эргээд иржээ.
- Миний бодлоор өнгөрсөн үед болсон нэг хэрэг энэ гэр бүлийнхнийг нэрвэж байх шиг байна.
- Жагсаалтанд байсан бусад хүмүүс ямар байгаа вэ?
- Стамигийнхныг одоо цааш нь судлах хэрэггүй. Тэдний нэг нь шоронд сууж байгаа. Нэг охин сураггүй алга болсон. Нэг охиныг хамгаалалтанд авсан болохоор одоо найдвартай гэж бодож байна. Би тэр Гэри гэдэг арван нэгтэй хүүг хамгаалах тал дээр санаа тавина. Харин би чамайг Стамигийнхны биш нэг хүнийг хайж олоосой гэж хүсэж байна. Түүнийг Антони Чапман гэдэг. 1964 онд Зүүн Лондонд төрсөн. Би цагдаагийн хэрэгцээнд ашигладаг мэдээллийн санг шүүсэн боловч түүний тухай өөр мэдээлэл олж чадсангүй. Чамайг ид шидээ үзүүлж түүний талаар өөр юм олж чадна гэж би найдаж байгаа шүү. Хэрвээ миний зөв бол хэн нэгэн энэ удмынхныг нэг бүрчлэн хүйс тэмтрэхийг оролдож байна. Энэ үнэн бол Чапман дараагийн хохирогч болно.
Фостер утсаа шууд тасалчихав.
Наижл нас барагчид, гэрлэгсдийн бүртгэлээс Антони Чапманы төрсөн өдрөөр түүний тухай мэдээллийг хайсан боловч юу ч олдсонгүй. Антони бол хэдийн нас барсан Режиналд болон Эдит Чапман хоёрын ганц хүү байжээ. Түүний эх Эдит 2003 онд Бэтнал Грийнд байдаг Сэлби Стрийт дэх гэртээ 72 насандаа нас баржээ. Энэ хаяг Антонигийн төрсний гэрчилгээн дээр тэмдэглэгдсэн байв. Наижл эрэл хайгуулаа энэ утасны үзүүрээс эхлэхээр шийдэн Бэтнал Грийн рүү явахаар метронд суулаа. Сэлби Стрийт нь Валлансын Өргөн чөлөөтэй залгадаг нэгэн цагт гэмт хэрэгтэн ихэр ах дүүс Крэй нарын амьдарч байсан викториагийн үеийн загвар бүхий цувраа байшингуудтай жижигхэн гудамж ажээ. Эндэхийн байдал хуучны Ийст Эндийн хэв маягийг хадгалсан хэвээр үлджээ. Жижиг нарийн гудмаар машин бараг орох боломжгүй, байрнуудын гол хаалга явган хүний замд тулсан харагдана. Гудамжинд хэдэн хөрш хоорондоо хөөрөлдөн зогсож байлаа. Энд хөл бөмбөг өшиглөөд гүйж байдаг хүүхдүүд харагдсангүй, бодвол сургуульдаа явцгаасан бололтой. Наижл өөрийгөө өнгөрсөн цаг үеийнхээ мөрөөдөлд хэтэрхий автаад байгаа юм биш байгаа гэж бодлоо.
Чапманыхан 17 дугаарын байшинд амьдарч байжээ. Наижл 11 дүгээр хаалганы урд ярилцаад зогсож байгаа хоёр эмэгтэй рүү дөхөж очлоо. Тэд Наижл руу эргэн харснаа харцанд нь үл итгэсэн байдал тодорч ирэв. Наижл найрсаг байхыг хичээн эмэгтэйчүүд рүү харан инээмсэглэлээ.
- Хатагтай нар аа, саад болсныг минь өршөөгөөрэй. Та бүхнээс юм асууж болохсон болов уу? Би эндээс нэг мэдээлэл хайж байгаа юм. Та нарыг надад тусалж магадгүй гэж би бодож байна.
Наижлын гадна төрх, биеэ авч яваа байдал хатагтай нарын эргэлзээг багасгасан боловч тэд хардалт сэрдэлтээ хадгалсан хэвээр харагдана.
- Энэ 17 дугаар хаалганд амьдарч байсан хатагтай Чапманыг та нар таньдаг байсан уу? Хоёр эмэгтэйн нэг бухимдсан бололтой тамхиа угсруулан сорж утааг нь хамраараа савсуулан гаргаснаа
- Би. Би энд амьдардаг гэж хэлээд дэргэдэх хаалга руугаа заагаад
- Эдитийг би сайн таньдаг байсан. Сайхан зантай эмгэн байсан. Тэр хэдэн жилийн өмнө нас барсан. Та яагаад энэ талаар мэдэх гээд байгаа юм бэ? гэж сөргүүлэн асуулаа. Наижл энэ асуултанд хэдийн бэлтгэлтэй байжээ. Тэр худлаа ярихдаа муу ч хэрвээ үнэнийг хэлбэл бүгд амаа үдсэн мэт юу ч хэлэхгүй гэдгээс айж байсан билээ.
- Би удмынхаа модыг гаргаж байгаа юм. Тэгтэл хатагтай Чапман миний төрлийн хүн болж таараад байна. Тэр нас барсныг би мэднэ. Гэхдээ би хатагтайн хүү Антони Чапманыг хайж байгаа юм.
- Хүү гэнэ ээ? гэж эмэгтэй сонссон зүйлдээ итгээгүй бололтой дуу алдснаа
- Ямар ч хүү байгаагүй. Реж, Эдит хоёр хүүхэдгүй байсан шүү дээ гэлээ.
- Та үүнийг сайн мэдэж байна уу?
- Тийм ээ, тэгэлгүй яахав. Би хорин жилийн өмнөөс энд амьдарч байна. Тэр үед тэдэнд хүү байгаагүй, бас тэд энэ талаар юу ч ярьдаггүй байсан. Эдит таны хайж байгаа хүн гэдэгтээ та итгэлтэй байна уу? Наижл газар ширтэн зогсоод
- Минийхээр бол тийм. Антони Чапман бол Эдит, Режиналд хоёрын хүү, 1964 онд энэ байшинд төрсөн гэж хэллээ. Тэгээд тэр халааснаасаа эвхэж нугалсан төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж ирэв. Хоёр эмэгтэй хуулбарыг сайн харахаар тонгойн Наижлд ойртоход тэднээс тамхи, үнэртэй усны холилдсон үнэр ханхалж байлаа. 11 дүгээр тоотод амьдардаг эмэгтэй баримтыг дахин шинжиж
үзээд Наижл руу харав.
- Хачин юм. Өдөр бүр л нэг шинэ юм мэдэж авах юм, тийм ээ? Эдит хүүгийн талаар хэзээ ч ярьж байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод тэднийг хүүхэдтэй болж чадаагүй байх гэж бид боддог байсан. Хүүг энд байсаар байхад шүү дээ. Тэр хүүд юу тохиолдсон юм бол оо?
- Би ч гэсэн үүнийг сонирхож байна гэж Наижл хариу хэлээд
- Магадгүй энэ талаар мэддэг хүн энэ хавьд амьдардаг болов уу? Өндөр настай хүмүүс эсвэл тэр 17 дугаар тоотод амьдарч байгаа хүмүүс ч юм уу? гэж асуулаа.
- Үгүй. Тэнд гаднаас ирсэн нэг залуу амьдардаг. Тэр хүн эндэхийнх биш.
Эмэгтэй тамхиа хэдэн удаа угсруулан сорж хэсэг бодолхийлж зогсох үед Наижл түүний хөлөндөө угласан гэрийн шаахайг харах гэсэн мэт доошоо харан зогсож байлаа. Гэнэт нөгөө эмэгтэй Наижлыг хуруугаараа чичлээд толгойгоо дохисноо
- Чи хаанаас эрж хайхаа мэдэж байна уу? Синт Маттьюгийн сүм. Сүм бол Эдитийн амь амьдрал байсан юм гэлээ.

Сүм хоосон, дотор нь хүн байсангүй. Наижл сүмд хөл хөдөлгөөн орох хүртэл хүлээх зуур үдээс хойшхи ихэнх цагийг сүмийн ойролцоо холхиж өнгөрөөв. Гадаа хэдийн бүрэнхий болж, тэгээс дээш өгсөхөө байсан агаарын хэм хурдан буурч улам хүйтэрчээ. Харин хүйтэн бороо орохоо больсон нь сайн хэрэг байлаа. Дайны үед Германы бөмбөгдөгч онгоцнууд бараг газартай тэгшилсэн энэ Синт Маттью сүм бол орчин тойрныхоо гол цөм нь болдог бөгөөд гэмт хэргийн асар их түүх агуулдаг ажээ. Энд нөгөө ах дүү Крэй нарын оршуулгын ёслолыг зохион байгуулж байжээ. Сүмийг тойрон хүрээлсэн оршуулгын газар түүнийг өдөр тутмын чимээ шуугианаас тусгаарлаж, цамхагуудын орой нэгийг сануулах мэт бүрэнхий болсон цэлмэг тэнгэр лүү
сэрийн харагдана.
Залбирлын ном тавихаар орж ирсэн хамба ламтныг Наижл хараад вандан сандлуудын голоор түүнд дөхөн очиж өөрийгөө танилцууллаа.
- Би зав муутай байна гэж хамба лам Наижлыг гал цог гэрэлтсэн нүдээр харангаа хэлэв. Наижл түүний улаан хүрэн царай, ус гүйлгэнэсэн ч эцэг хүний эелдэг зөөлөн харцаар харах нүдийг ажиглаад түүний нас жар хол гарсан бололтой гэж таамаглан бодлоо. Наижл уул нь хувийн асуудлаа ярилцахаар ирсэн бусад сүсэгтний адил дугаарлан зогсож болох байжээ.
- Би урьд өмнө таны сүсэгтнүүдийн нэг байсан эмэгтэйн талаар ярилцах гэсэн юм. Түүнийг Эдит Чапман гэдэг. Хамба лам харцаа өргөөд
- Эдит? Сайхан сэтгэлтэй эмэгтэй байсан. Түүний талаар чи юу мэдэх гэсэн юм бэ? гэлээ.
- Таныг миний хэдэн асуултанд хариу өгөхөөс дургүйцэхгүй болов уу гэж би бодсон юмсан. Би бол удам судлаач хүн.
- Гайхалтай! Сонирхогчийн үүднээс хэлэхэд энэ талаар тантай ярилцвал надад таатай байх болно.
Тийм ээ, одоо хүн бүр ийм юм оролддог болчихжээ гэж Наижл бодов.
- Нээрэн үү? Ямар гайхалтай хэрэг вэ. Гэхдээ хатагтай Чапманы тухай...
- Миний эхийн талыг судлахад хэцүү биш гэж хамба лам үргэлжлүүлэн хэлээд
- Түүнийг сүсэгтнүүдийн бүртгэлд үзэж болно. Сүсэг бишрэлийнхээ дуудлагыг би түүнээс өвлөж авсан. Харин эцгийн тал дээр бол 1878 оноос өмнө нууцлаг юм байдаг бололтой. Ул мөргүй мухардах чинь солиормоор юм байна лээ, тийм ээ? Магадгүй би таныг хөлсөлж авч болох юм.
- Би ийм юмыг боломжийн үнээр хийдэг. Харин хатагтай Чапман ...
- Тийм ээ, Сайхан сэтгэлтэй настан байсан. Сүмийн үнэнч
сүсэгтэн гишүүдийн нэг. Та юу мэдэх гэсэн юм бэ?
- Бүртгэлд түүнийг хүүтэй байсан гэж тэмдэглэсэн байсан.
Хамба ламын царай барайж нүдний гал цог нь бөхөөд ирэв.
- Яадаг юм билээ. Үнэхээр тийм байсан гэж үү? Тэр дахин өөр юм хэлсэнгүй хийж байсан зүйлээ үргэлжлүүлэв.
- Өршөөгөөрэй. Би таныг тэвдүүлж сандраахыг хүсээгүй юмсан.
- Хэний даалгавраар та үүнийг судалж байгаа юм бэ, ноён Барнес? Наижл ийм асуулт тавина гэдгээс хэдийн болгоомжилж байжээ. Тэр хэдийгээр шашингүйн үзэлтэн ч гэсэн зүрх сэтгэл нь сүсэг бишрэлтэй хэн нэгнийг хуурахыг түвдсэнгүй.
- Цагдаагийн газар. Ламтан нүдээ тас аньж, түүний эелдэг найрсаг зангаас юу ч үлдсэнгүй.
- Тэр цагдаагийн газар чинь гэм зэмгүй настай эмэгтэйн хүүгээр яах гэсэн юм бэ? Бүхэл амьдралынхаа турш тэр эмэгтэй ямар ч асуудал гаргаж байгаагүй.
- Би үүнийг мэдэж байна. Бид түүний хүүг олох хэрэгтэй байна. Бидний мэдэж байгаагаар түүнд аюул учрах гээд байна.
- Ямар аюул нүүрлэж байгаа юм бэ?
- Намайг үнэхээр уучлаарай. Би энэ тухай хэлж болохгүй.
Хамба лам уруулаа хазлан Наижлыг хэсэг ажиглаж зогслоо. Наижл царай нь улаа бутрахыг мэдрэв. Ард нь чулуун шалан дээр ламтны хэсэг холхих чимээ сонсогдож байснаа тэрбээр дахин ярьж эхэллээ.
- Ноён Барнес, та залбирч байсан уу?
Наижл тархин дундуур нь татаад авсан мэт хэсэг хөшиж дараа нь энэ асуулт арай заль мэх юм биш биз гэж өөрөөсөө асуулаа.
- Үгүй, ер нь үгүй шүү гэж тэр арайхийн хариулав.
- За тэгвэл өнөө орой чи залбирах болж дээ. Ламтан Наижлд нэг залбиралын ном өглөө.
- Оройн мөргөл удахгүй эхэлнэ. Намайг сүсэгтэнгүүдтэйгээ
ярилцаж дууссаны дараа хоёулаа дахин ярилцаж чамд тус болох эсэхийг харъя.

Мөргөл дууссаны дараа хамба лам Наижлыг сүмийн ард байрлах контор луугаа дагуулан явлаа. Тэр Наижлд сандал өгч халуун юм уухыг санал болгов. Наижл хариуд нь аяга ус хүслээ.
Хамба лам бичгийн ширээнийхээ ард суудалдаа тухлан гэдэргээ налан суув.
- Урт удаан оройн мөргөлийн дараа жаахан амсxиймээр болдог юм. Хатагтай Чапманы хүүг яагаад хайх болсноо надад хэлээч.
- Тэр аюулд өртөнө гэдэг нь гарцаагүй болоод байна.
Хамба лам толгой дохилоо. Түүний улаа бутарсан хацар, махир хамар, гал цогтой нүд нь Наижлд хөгжилтэй хүүхэлдэйнүүдийн цуглуулганд байдаг нэг хүүхэлдэйн төрхтэй адилхан санагдав.
- Энэ үнэн бол тэр үед үнэхээр түүний зөв байсан гэдгийг баталж байна.
- Хэний? Хатагтай Чапман уу?
- Тийм ээ. Хамба лам кофегоо уулаа.
- Хүүхэд үрчлүүлэх мэтийн зүйлд сүм ямар үүрэг гүйцэтгэдгийг удам судлаач хүний хувьд чи сайн мэдэх байлгүй. Наижл мэдээж энэ талаар сайн мэднэ. Урьд өмнө хүүхэд үрчлэлтийн асуудлыг янз бүрээр зохицуулдаг байсан ч голчлон сүм хийд голлох үүргийг гүйцэтгэж, хүсээгүй хүүхдүүдийг ядуучуудын гараас авч баян хүмүүст өгдөг байжээ.
- Тийм ээ, би мэднэ.
- Миний өмнө байсан хамба лам, эрхэм хүн Роберт Дийдэлүс энэ тал дээр их идэвхтэй байсан бөгөөд онцгой анхаарал тавьдаг байсан. Хамба лам Наижлыг нүдний шилнийхээ хүрээн дээгүүр шагайн харснаа
- Гэхдээ тэр бүртгэл анкет хөдлөх тал дээр том
асуудалтай хүн байсан. Миний юу хэлэх гээд байгааг та ойлгосон биз дээ.
Ламтан нүдний шилээ авч тохоосны нэгийг амандаа зуулаа.
- Хэдэн жилийн өмнө хатагтай Чапманы нөхрийг нас барсны дараа түүнийг уйтгар гунигаа давж туулахад нь туслахаар би нилээд хугацааг түүнд зарцуулсан юм. 1964 онд миний өмнө байсан хамба лам хүүг нь үрчлэх асуудлыг зохицуулсан гэж тэр надад ярьсан. Хүү тэр үед хоёрхон сартай байсан гэсэн.
Бурхныг гомдоож мэдэхээр хараалын үг санаанд нь орсон ч Наижл амаа хамхиж суулаа.
- Хүүд асуудал байсан юм болов уу? Тахир дутуу байсан юм уу?
- Хүүхдийг үрчлэх шалтгаан нь хүүтэй ямар ч холбоогүй гэж тэр эмэгтэй надад баталж хэлсэн. Үүний төлөө тэр мөнгө авахыг ч хүсээгүй. Гол асуудал нь зөвхөн бяцxан хүүг аюулгүй байлгах явдал байсан учраас ламтан Дийдэлүс хүүхэд үрчлэлтийг маш сайн нууцалсан. Хатагтай хүүхэдтэй болохыг хүсдэггүй байсан бөгөөд түүний хувьд хүү санамсаргүй гайгаар олдсон гэж надад хэлсэн. Тэр аборт хийлгэхийн эсрэг байсан учраас хүүхдээ тээж төрүүлээд дараа нь хэдэн долоо хоног асарсан. Гэсэн ч хатагтай төрсөн цагаас нь эхлэн хүүг өөрөөсөө холдуулахыг хүсэж байжээ.
- Энэ ч жихүүдэс хүрмээр эвгүй сонсогдож байна шүү.
- Тэгэлгүй яахав. Надад ч гэсэн тэгж санагдсан. Гэхдээ миний мэргэжлийн хүмүүсийн дунд аливаа зүйлийг шууд дүгнэж болохгүй гэсэн нэг зарчим байдаг. Би үүнийг эзнээсээ суралцсан юм. Хамба лам нүдээ ирмэснээ кофеноосоо балгаад яриагаа үргэлжлүүлэв.
- Миний санаж байгаагаар хатагтай миний цочирдохыг анзаарсан юм даг. Хатагтай уул нь согтууруулах ундаа уудаггүй ч тэр орой хэдэн хундага дарс тогтоосон. Дараа нь тэр гал тогооны ширээн дээгүүр тонгойж над руу ойртоод намайг сүрдүүлсэн харцаар ширтсэн гэж ламтан хэлээд
өөрөө ширээн дээрээ тонгойн Наижл руу ойртлоо.
- "Хэрвээ хүү миний дэргэд байсан бол тэд түүнийг хэзээ нэгэн цагт олох байсан. Яг л намайг барьж авахаа шахсан шиг. Би ийм юм болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй учраас хүүгээ аюулгүй байлгах гэсэндээ эх хүн бүрийн хийх байсан зүйлийг хийсэн" гэж тэр надад хэлсэн. Би "тэд" гэж хэн болохыг асуусан боловч хатагтай надад хэлэхийг хүсээгүй. Түүнийг яагаад нөхөртэйгөө хамт өөр тийшээ нүүж нэрээ сольж, эсвэл өөр улс орон руу цагаачлаагүй юм бэ гэж асуухад хатагтай энэ ямар ч ашиггүй гэж хариулсан.
Хатагтайд нагац эгч Маргарет нь тэд чамайг нэг удаа олсон юм чинь дахиад олох л болно гэсэн байсан. "Тэд хэзээ ч зогсохгүй ... Чөтгөр шулмаас өөрийгөө хамгаалах мэт биеэ хамгаал" гэж нагац эгч нь орилсон гэнэ лээ. Бас түүнийг хэзээ ч хүүхэдтэй болж болохгүй гэж анхааруулжээ. Энэ захиасыг эмээ нь орондоо амьсгал хураахын өмнө Маргаретад хэлсэн бөгөөд тэр үүнд нь итгэсэн гэсэн. Яг л Эдит шиг. Эмээ нь урьд нь хэнд ч ярьдаггүй байсан болохоор Маргаретыг төрөл төрөгсөддөө энэ тухай хэлэхэд тэд түүнд итгээгүй байна. Тэд Маргаретыг галзуурсан гэж үзээд нэг сэтгэцийн эмнэлэгт хорьчихжээ. Тэгээд тэд түүнийг бүр мөсөн мартчихсан. Эдит тэр газрыг аймшигтай гэж хэлж байсан. Ганцxан Эдит л Маргаретыг нас бартал нь эргэж тойрж байсан бөгөөд нөхрөөс нь өөр хэн ч энэ талаар мэддэггүй байсан. Тэр нагац эгчийнхээ хэлсэнд итгэсэн. "Миний зөв байна уу, эсвэл буруу байна уу, энэ надад хамаагүй. Би аз туршихыг хүсэхгүй байна. Маргарет өөрийг нь дагаж мөрдсөн аймшигтай юмыг туулж өнгөрүүлсэн" гэж тэр надад хэлсэн. Энэ бүгдийг хатагтай надад ярьсан. Тэр өөр юу ч нэмж хэлээгүй.
Наижл "тэд" гэж хэн юм бол гэж өөрөөсөө асуулаа. Ямартай ч тэр хатагтай төрүүлсэн хүүд нь аймшигтай юм тохиолдохоос сэргийлж өөрөөсөө холдуулсан юм байна.
- Хатагтай ганцxан тэр орой л энэ тухай ярьсан. Хүү нь сайн байгааг хатагтай мэддэг байсан болохоор энэ нь түүнийг тайвшруулдаг байсан.
Гэр бүлгүй, төрүүлсэн ганц хүүхдээ хүнд өгчихсөн, нөхөр нь хэдэн жилийн өмнө нас барсан ганц бие эмэгтэй яаж тайван байж чадах вэ дээ гэж Наижл бодлоо. "Тэд" гээд байгаа хүмүүсээс айж байсан энэ эмэгтэй өчнөөн золиос гаргах хэрэгтэй байсан. Байдлыг ажихад хамба лам бас түүнтэй адилхан нэг зүйл бодсон бололтой.
- Тэр өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд хүн болохоороо үүнийгээ дандаа зөв гэж үздэг байсан. Үнэнийг хэлэхэд нэг их идэвх санаачлагатай байгаагүй ч сүм түүний амь амьдрал байсан. Хатагтай энд танилуудтайгаа уулзаж, оройн бинго руу явж цаг нөхцөөдөг байсан. Тэр ер нь жирийн зүйлээр оролддог энгийн хүн байсан даа.
- Хатагтайн нуугдаж зугтах хэрэгтэй байсан тэр хүмүүс чухам ямар хүмүүс байсан юм бол гэж та өөрөөсөө асууж байсан уу?
- Мэдээж. Даанч хэдэн солиотой бодлоос өөр юу ч толгойд ороогүй. Ламтан кофегоо ууж дуусгаад
- Ингэхэд хатагтайн хүүд аюул учруулах гээд байгаа хүмүүс чинь хэн юм бэ?
- Бид түүнийг мэдэхгүй байгаа.
- Зүйтэй. бас л нэг нууцлаг зүйл гэж хэлж болох юм байна. Ламтан бугуйн цагаа харснаа
- Би одоо гэртээ харих хэрэгтэй, эхнэрийн маань санаа зовчихно. Ингэж хэлэх маань зохисгүй ч харуй бүрий болсон үеэр манай сүмийн ойролцоо ирэхгүй байсан нь дээр гэж нэмж хэллээ.
Наижл суудлаасаа босож хүрмээ өмсөв.
- Таны өмнө байсан хамба лам хүүхэд үрчилж авсан эцэг эхийн талаар тэмдэглэл бичиж үлдээгээгүй юм уу? Хамба лам өрөвдөлтэйгөөр толгой сэгсрэв.
- Үгүй. Ноён Барнес, үнэнийг хэлэхэд хэрвээ тийм юм байсан байлаа ч би танд тэдний тухай хэлж өгөхгүй байсан. Өдийд дөчин нас хүрчихсэн тэр хүн дээр очоод түүнийг үрчлүүлээд зогсохгүй, нэрийг нь үл мэдэх хэдэн хүн өөрийг нь алах гээд хайж байна гэж хэлж байна гэж та бодоод үз
дээ. Танд энэ тийм сайхан санаа гэж бодогдож байна уу?
- Үгүй. Гэхдээ тэр үхснээс үнэнийг сонссон нь дээр ч байж магадгүй.
- Энэ тал дээр бол таны зөв. Гэвч миний мэдэж байгаагаар бидний яриад байгаа тэр баримт энд даанч алга.
Наижл санаа алдав. Ямар ч баримт мэдээлэлгүйгээр Антони Чапман буюу одоо өөр нэртэй ч болсон байж магадгүй түүнийг хайж олох боломжгүй болжээ. Тэгсэн ч түүнийг хайж байгаа нөгөө хүмүүст бас хэцүү байх болно. Наижл хаалга руу явж байснаа дороо зогсож
- Эдитэд хүүхдээ холдуулах хэрэгтэй гэж хэлсэн нагац эгч нь хаана, ямар сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байсныг тэр хэлж байсан уу? гэж ламтнаас асуув.
Хамба лам толгой дохилоо.
- Колни Хатч. Эдит тэр газрыг хорвоо ертөнц дээрх амьд там гэж нэрлэж байсан.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:48 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.06.17 8:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Quote:
Сонирхож уншсанд чинь баярлалаа. Хамгийн түрүүнд чамд номоо илгээсэн шүү. ккк Би өөрөө Нидерландад байдаг болохоор хэвлэлийн газруудтай холбоо барьж чадахгүй байна. Энэ талаар мэддэг туршлагатай хүмүүс байгаа болов уу? Чамд мэдэх хүн байвал тус болоорой.
Би өөрөө сайн танихгүй, гэхдээ асууж лавлая. Энд, Асуулт форумд хэвлэлийн компанитай ажил хэргийн болоод амин хувийн холбоотой хүмүүс бий дээ. Холбож өгөх талаар хайж сураглъя :wink:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.06.17 11:36 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
14


Фостер Сузи Дансоны гэр лүү очиж явлаа. Байшингийн нүүрэн талын цонхоор гэрэл асаасан өрөөнд хүн харагдаагүй ч гэрт хүн байгаа нь илт байв. Тэнд нэг төгөлдөр хуур, нотны тавиур дээр бас нэг хийл хөгжим харагдана. Сузиг хөгжим сонирхдог гэж Фостерын санаанд огт бууж байгаагүй ажээ. Тэр хүүхэдтэй юм болов уу? Энэ талаар санаанд нь юу ч орж ирсэнгүйд тэр өөрөөсөө ичих шиг боллоо. Тэр Сузигээс энэ талаар асууж байгаагүй бололтой. Түүнийг нөхрөөсөө салсныг харин мэдэж байв. Фостер хаалганы хонхыг дарлаа.
Арваад хормын дараа уруулаа урьдын адил нямбай будаж нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсан Сузи Дансон хаалгаа онгойлгов. Тэр үсээ шууж янзлан, алтан ээмэг зүүж, үдшийн бариу хар даашинз өмсжээ.
- Өө, гэж тэр дуу алдаад инээмсэглэл нь сарнин алга болж Фостерыг гайхшран харлаа.
- Грант.
- Чи сайхан харагдаж байна гэж Фостер үнэн сэтгэлээсээ хэлэв.
- Баярлалаа. Сузигийн сандарсан нь хоолойн өнгөнөөс мэдэгдэж Фостерын хажуугаар гудамж руу хэдэн удаа хяламхийн харлаа.
- Чамд дуулгалгүй ирсэнд уучлаарай. Би чам руу утасдсан боловч чи хариу өгөөгүй.
- Үнэндээ чи цагаа ололгүй ирлээ. Би зочин ирэхийг хүлээж байгаа юмсан.
- Би нэг их удахгүй гэж хариулсан Фостер энд яг юу болоод байгааг ойлголоо. Сузи хүнтэй болзсон юм байна гэж бодсон Фостерын зүрх нь шимшрэв. Хардалт гэж нэрлэдэг энэ мэдрэмж Фостерт олон жилийн өмнө төрж байсан санагдана.
- Өө, намайг үнэхээр уучлаарай гэж Фостер сандран хэлэв.
Сузи санаа зовох хэрэггүй гэж ойлгуулах мэт толгой сэгсрээд
- За, гэрт орж ярилцъя гэснээ мөрнөөс нь чангаан дотогш татан орууллаа.
Урд нь алхах Сузигийн түрхсэн үнэртэй усыг үнэртсэн Фостерын зүрх улам хүчтэй шимшрэн өвдөв. Өнгөрсөн жилүүдэд өөрт нь өчнөөн боломж байсаар байтал түүнийг яагаад болзоонд уриагүй бол оо? Хариулт ойлгомжтой, учир нь чи усан тэнэг. Дээр нь тэр дандаа бүх юманд татгалзсан хариу өгдөг байсан нь нөлөөлсөн. Сузигээс ажлын шугамаар тусламж гуйхаар ирсэн Фостер араас нь алхаж явахдаа ийнхүү бодож байлаа.
Сузи донжийг нь тааруулж сайхан төхөөрөмжилсөн гал тогооны өрөөнд орж, шууд хөргөгч рүүгээ очиж лаазтай пиво
аваад Фостерт өгөв.
- Чамайг бага зэрэг балгахаас буцдаггүй байсан шиг надад санагдах юм. Улаан дарс бил үү? Цагаан л биш бол болно гэж чи дандаа хэлдэг байсан. Надад улаан дарс алга. Пиво болно биз дээ? Энэ бүхнийг Сузи марталгүй санаж байгаад дотроо баярласан Фостер толгой дохилоо. Цагаан дарс бол Австраличууд болон эмэгтэйчүүдийн уудаг ундаа. Үүнийг батлах мэт Сузи цагаан дарс задлан өөртөө хундагалав.
- Ганцаараа уухыг би тэвчиж чаддаггүй юм. Харин чамайг харсан чинь ам цангаж байснаа мэдлээ гэж хэлснээ тэр инээд алдлаа.
- Үүнд чинь инээдтэй юм юу байгаа юм бэ? гэж Фостер асуугаад пивоноос балгав. Сузи толгой сэгсрээд
- Юу ч биш ээ гэлээ. Тэгээд тэр Фостероор тохуурхснаа булзааруулах гэсэн мэт санаа алдлаа.
- Ямар нэг яаралтай хэрэг гараа юу? Чи Наомиг олсон гэж хэлэхээр ирсэн юм уу?
- Үгүй, Түүнийг олоогүй байгаа. Сузигийн царай барайлаа.
- Чи охиныг үхчихсэн гэж бодож байх шиг байна, тийм биз дээ? гэж Фостер хэлэв.
- Аль ч талаас нь үзсэн тэгсэн гэж би бодож байна гэж Сузи хариулаад
- Охин одоогоор үхээгүй байлаа ч удахгүй тийм юм болно гэлээ.
- Хэрэв би чамд одоо тэрнээс ч их юм болоод байна гэж хэлвэл чи анх төрсөн сэтгэгдлээ надад хэлэх үү?
- Юу болсон юм бэ?
- Би дөнгөж сая хүн амины хэрэг гарсан Эссексээс ирлээ. Эцэг, эх, хүү гээд гурван хүн алагдсан. Охин нь өөр газар санамсаргүй байж таарсан учраас өртөөгүй юм шиг байна.
- Би гарсан хэргүүдийн холбоосыг олж харахгүй байна.
- Тэд бол Кэти Дрэйкийн холын садангууд. Миний бодлоор урьд
өмнө болсон нэг хэргээс болоод энэ хэргүүд гарч байна.
Сузи дарснаасаа балгаад Фостерыг ажиглан харлаа
- Урьд өмнө болсон нэг хэргээс болоод энэ бүх хэрэг гарч байна гэж тэр давтан хэлснээ
- Хэрэг гарсан газрын талаар ярь даа гэлээ.
- Эцэг хүү хоёрыг орон дотор нь толгой руу нь буудаж хороогоод дараа нь цэцэрлэг рүү чирч гаргасан байна. Эх нь бас буудуулж үхсэн боловч түүнийг орон дотор нь үлдээсэн байна лээ.
- Буудаж хороосон гэнэ ээ? Кэти Дрэйкийн хүн амины хэргээс шал өөр арга барилаар ажилласан байна.
- Би үүнийг мэдэж байна. Гэхдээ цогцоснуудыг цэцэрлэг рүү чирч аваачсан нь ямар учиртай юм бол?
- Грант, би цогцоснуудын гэрэл зургийг хармаар байна. Бас хэргийн газарт очиж үзэн, задлан шинжилгээний дүгнэлтийг унших хэрэгтэй.
- Энэ хэргүүдийг хоорондоо холбоотой гэж үзвэл яасан юм бэ? Кэтиг алж, Наомиг хулгайлсан тэр хүн энэ хүмүүсийг бас алсан гэж бодоод үзье л дээ. Тэгвэл чи юу гэж хэлмээр байна? Сузи мөрөө хавчснаа
- Зүйтэй. Би чамтай оролдоод үзье. Эцэг хүү хоёр гэсэн байх аа?
- Тийм ээ. Тэр хоёр Кэтитэй цусан төрлийн холбоотой.
- Тэгвэл алуурчин цогцоснуудыг цэцэрлэгт чирж гаргаснаараа нэг юм хэлэх гээд байна гэж үзэж болох юм. Хэрэв ямар нэг аймшигтай нууц байгаа бол тэр хүн үүнийг бүх хүнд шууд утгаар нь ил харуулах зорилгоор энэ аргыг хэрэглэж байж болох юм. Гэхдээ тэр Наомиг зүгээр алчихгүй яагаад хулгайлсан нь ойлгомжгүй байна. Тэр магадгүй охиныг алахаасаа өмнө өөр ямар нэг юм тодруулж мэдэх гэсэн эсвэл түүнийг нэг юманд золиослох гэж байгаа. Сузи гараа өргөж дэлгэн харуулснаа
- Уучлаарай, Грант. Энд гал тогооны өрөөнд суугаад нэгээс нөгөө рүү үсчиж байхын оронд илүү дээр таамаглал гаргахын тулд надад өөр мэдээллүүд хэрэгтэй байна гэлээ. Фостер түүнийг уучлалт эрэх хэрэггүй гэж мэдэгдэхээр
гараараа зангаад
- Чи надад хэдийн том тус хүргэлээ. Энэ миний хариуцсан хэрэг биш болохоор би мэдээллийг амархан олж авч чадахгүй. Гэхдээ би чадах бүхнээ хийнэ.
Сузи гар цүнхнээсээ нэрийн хуудас гаргаж Фостерт өгөөд
- Над руу цахим шуудан илгээсэн нь илүү амар байдаг юм гэлээ.
Фостер түүнийг өнөө орой юу хийх гэж байгааг асуух гэтэл хаалганы хонх дуугарлаа. Сузи цочсондоо агаарт бараг хагас метр үсрэх шиг түүнд санагдав.
- Өршөөгөөрэй. Би гэнэтийн явдалд дасаагүй юм.
- Би түүнийг арын хаалгаар чирээд гаргачих уу? гэж Фостер тоглоом хийгээд цагаа харснаа
- Би ч гэсэн хурдан явах хэрэгтэй. Арван нэгтэй нэг хүүг би асрамжийн газраас очиж авах ёстой гэж хэлэв. Сузи түүний хэлэхийг анзаараагүй бололтой
- Хмм, хүлээгээрэй гэж хайхрамжгүй хэллээ.
Сузи үүд рүү явлаа. Фостер хаалга онгойлгож, хошуун дээрээ үнсэлцэх чимээ гарснаа хүмүүс хоорондоо шивнэлдэхийг сонсов. Үүдний хонгилд хөлийн чимээ гарч, Сузи ирсэн хүнд гэрт нь зочин байгаа гэж хэллээ. Хацар нь улайсан тэрбээр ахлах комиссар Харрисыг дагуулан орж ирэв.
Хоёр эр бие биенээ харан хэдэн хором үг дуугүй зогсоцгоолоо. Фостер Харрисын гэрлэлт хэдийн бүтэл муутай болсон гэдгийг мэдэж байсан ч бүр ийм дээрээ тулсан гэж бодоогүй ажээ.
- Метрополитаны Цагдаагийн Газартай орооцолдохоос өмнө миний амьдрал илүү хялбар байж дээ гэж Сузи хэлснээ
- Брайн, чи юм уумаар байна уу? Нимбэгний ундаа эсвэл Кола уух уу? гэж асуулаа.
- Ус ууя гэж Харрис хариулаад Фостерыг хүйтэн харцаар ширтэв. Фостер түүний согтууруулах ундаа хэрэглэдэггүйг бүр таг мартчихсан байжээ. Сузи Фостерт лаазтай пиво харуулсанд тэр татгалзлаа. Тэр дараа нь өөрийнхөө хундаганд дарс мэлтэлзтэл дүүргэснээ бараг дуулдахааргүй дотроо инээд алдав.
- Ингэхэд чи энд юу хийж явдаг билээ, Грант? гэж Харрис ядарсан хоолойгоор асуулаа. Өнгөрсөн хэд хоногт болсон хэрэг явдлууд түүнд амаргүй, хэцүү байсан нь илт тэр их зүдэрсэн харагдаж байв.
- Би Сузитэй нэг саналын тухай ярилцсан юм. Ирсэн чинь харин сайн юм боллоо. Би яг албан контор луу очиж чамтай уулзъя гэж бодож байсан юм. Тэгсэн бол дэмий хэрэг болох байжээ. Эссекст болсон гурван хүнийг хороож алсан хэргийн талаар чамтай ярилцах гэсэн юм. Чи тэр талаар сонссон уу?
Харрис Сузигээс аягатай усыг авч талархсанаа харуулан толгой дохиж, сул гараа халаасандаа шургуулав. Сузи хоёр эрийг гал тогооны өрөөнд орхин гарлаа.
- Намайг энэ тухай сонссон уу гэж үү? Харамсалтай нь тийм. Маргааш Стэфен Бэкингэм болсон хэргийн талаар телевиз болон сонингуудад мэдэгдэл хийж олон нийтэд дэлгэн тараах гэж байгаа. Цаг хугацаа давчуу байна. Энэ бол бидний сүүлчийн боломж. Мэдээллийнхэн олны танил нэг муу дээрэмчний гэр бүлийг хороож алсан хэргээс илүү алга болсон арван дөрөвтэй охиныг эрж олох нь илүү чухал гэж үзнэ гэдэгт найдацгаая.
- Энэ хоёр хүн амины хэрэг хоорондоо холбоотой гэж би бодож байгаа гэж Фостер шулуухан хэлчихэв. Харрис түүнийг тохуурхсан маягтай хөгжилтэй хараад
- Чи үнэнээсээ хэлж байна уу? гэж асуулаа. Фостер толгой дохин
- Яг тийм. Би тэнд байсан. Харрисын инээмсэглэл царайн дээр нь удаан тогтсонгүй, харин учраа олохгүй гайхсан төрхтэй боллоо.
- Тэгэхээр чи тэнд байсан байжээ. Хэрвээ чи тэнд хэдэн хүмүүсийг шалгааж байцаасан бол бүр ч дээр байх байж дээ.
Фостер хор малтсан эдгээр үгийг үл тоомсорлов.
- Ингэхэд чи яагаад энэ хэргүүдийг хоорондоо холбоотой гэж бодоод байгаа юм бэ?
- Хохирогчид цөмөөрөө садан төрлийн хүмүүс.
- Ямар?
- Тэд холын төрлийн үеэлүүд. Тэд эмэгтэй удмын талдаа нэг элэнц эмэг эхтэй байсан. Харрис үгийг нь таслахаас өмнө Фостер яриагаа үргэлжлүүлэв
- Кэти Дрэйкийн хувцсан дээрээс олдсон үс эрэгтэй хүнийх байсан. Чиний мэдэж байгаагаар тэндээс ганцxан митохондрын ДНК-г илрүүлж чадсан. Кэти Дрэйк болон тэр үсний ДНК-гийн шинжилгээний үр дүнгээс тэд нэг элэнц эмэг эхтэй болох нь тогтоогдсон. Энэ ДНК мянган жилийн өмнө, эсвэл зуун жилийн өмнө амьдарч байсан эмэгтэйгээс удамшиж ирсэн байх талтай. Шинжээчдийн баг үүнийг баталсан боловч тэд энэ шинжилгээний хариуг мөрдлөх ажиллагаанд ашиглах боломжгүй гэж үзсэн. Би өөрөө бодож үзээд Карл Хоггийн хэрэг дээр хамтран ажиллаж байсан Наижл Барнесын тусламжийг авахаар шийдсэн юм. Тэр Кэти Дрэйкийн эмэгтэй талын удмын төрөл садангуудаас хэдэн хүн амьд байгааг судалсан. Наижл Кэтигийн эмэгтэй удмын элэнц хуланцыг 1890 он хүртэл судалж гаргасан болохоор тийм ч олон хүн байгаагүй. Олдсон хүмүүсийн нэрсийг мэдээллийн санд оруулж шалгах үед би Стамигийн гэр бүлийнхнийг олсон.
Фостер амьсгаагаа дарахаар хэсэгхэн зуур завсарлав. Энэ хооронд Сузи гал тогооны өрөөнд буцаж ирсэн байжээ. Харрисын царайнд сэтгэл хөдөлсөн байдал илрээгүй ч яриа нь түүний анхаарлыг татаж байгааг Фостер анзаарлаа.
- Цааш нь үргэлжлүүл гэж Харрис хэллээ.
-Леони Стамигийн ээж мансуурах бодисонд донтогч байсан бөгөөд тун хэтрүүлснээс болж нас барсан. Тэр Леонигийн алга болдог өдөр нас баржээ. Тэр үед охин арван дөрөвтэй байсан. Фостер тэдэнд яриаг нь ухаж ойлгох хугацаа өгөхөөр хэсэг дуугаа хураав.
- Тэр охин хулгайлагдсан юм уу?
- Энэ хэргийг орон нутгийн цагдаагийн газар мөрдсөн юм байна. Тэгээд тэд охиныг гэрээсээ зугтсан гэсэн дүгнэлт гаргаад хэргийг хаасан.
- Энэ чинь харин надад их үнэмшилтэй санагдлаа. Тэр хүүхэд тэнд яагаад үлдэх ёстой байсан гэж?
- Одоо харин Стамигийн удмынхны өөр гэр бүлийг бөөнөөр нь хядаж хороосон хэрэг гарлаа.
- Энэ гарсан хэргийн онцлог шинж тэмдгүүдээс харахад гэмт хэргийн хүрээнийхэн нэг хүнийг үндэс угсаагаар нь хороож устгадаг хэрэгтэй адилхан байсан, Грант. Чамайг хаашаа хандуулах гээд байгааг ойлгож байгаа ч, харин надад энэ хэргүүд зөвхөн санамсаргүй тохиолдлоор давхцаж таарсан юм шиг санагдаад байна. Тэд садан төрлийн холбоотой байсан гэнэ шүү. Тэгээд энд чинь өөр юу байгаа юм бэ? Би удам судлалын талаар сайн ойлгодоггүй ч чи бид хоёрын холын, холын, холын элэнц хуланц нэг хүн байсан байж болох магадлалтайг бас ч гэж мэднэ.
Фостер угаасаа Харрисаас үүнээс өөр юм хүлээгээгүй ажээ.
- Би үүнийг сайн мэдэж байна. Би чамаас бас энэ хэрэгт цагаа гарздах хүмүүс гаргаж өгөөч гэж хүсээгүй. Гэхдээ энд нэг холбоо байгаа гэдгийг би гадарлаж байна. Стамигийн гэр бүлийг алсан хэргийг хариуцаж авсан мөрдөгчтэй би ярилцаж үзсэн.
- Тэр тэгээд энэ хэргийн талаар юу гэж байх юм?
- Түүний үзэж байгаагаар Мартин Стами бол буруу хүнээрээ оролдсон нэг сахилгагүй бацаан гэсэн.
Харрис "Харж байгаа биз дээ" гэж хэлэх мэт гараараа зангаснаа дуу нь эелдэг зөөлөн болж
- Сонсооч, Грант. Одоо үхсэн амьд нь ч мэдэгдэхгүй байгаа Наомиг эрж олох ажилд олигтой ахиц гарахгүй байгааг чи надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Хэрвээ хүсэж байгаа бол энэ учигны үзүүрийг хөөгөөд үз. Гэхдээ бодитой үндэслэлүүд олж харуулсны чинь дараа би чамд хүн хүч гаргаж өгнө гэлээ.
Фостер толгой дохиод
- Үнэнийг хэлэхэд надад тусламж хэрэгтэй байна. Одоогоор тэр эмэгтэй удмын талын садан төрлийнхнөөс гуравхан хүн амьд үлдсэн. Хамгийн эхнийх нь Стамигийн охин. Гэр бүлийнхнийг нь хүйс тэмтэрч байх үед тэр азаар найзындаа байж таарсан. Түүнийг одоо хамгаалалтанд авсан байгаа. Дараагийнх нь дөчин настай нэг эрэгтэй хүн. Бид түүний талаар юу ч олж чадаагүй байна. Сүүлчийнх нь Леони Стамигийн эрэгтэй дүү. Хэрвээ миний зөв бол тэр дараагийн хохирогч болж магадгүй. Би түүнийг найдвартай газар байлгамаар байна.
- Тэр одоо хаана байгаа юм бэ?
- Асрамжийн газар. Тэр гэмт хэрэг хийснээс болж цагдаагийн газарт нилээд хэдэн удаа бүртгэгдэж байсан. Би түүнийг одоо очиж авна.
- Тэгэхээр чи энэ ямар ч үндэслэлгүй хий бодлоосоо болж тэр хүүг асрамжийн газраас очиж аван хаа нэгтээ хамгаалалтанд байлгахаар шийдсэн юм биз дээ? Өршөөж үз, Грант. Эссексийн цагдаагийн газарт охиныг хамгаалалтанд авах үндэслэлтэй шалтгаан бий. Харин энэ хүүг яагаад хамгаалах хэрэгтэйг би олж харахгүй байна. Тэгээд ч тэр хүүг асрамжийн газар байгаа гэдгийг хэн мэдэх юм бэ? Энэ талаархи мэдээллийг нууцалсан байдаг. Тэр тэнд харин ч илүү найдвартай хамгаалалтанд байгаа. Харрис бугуйн цагаа харлаа.
- Сонсооч, бид яаравчлах хэрэгтэй. Мөрдөлтийнхөө талаар надад дуулгаж байна биз. Чамайг энэ хэргүүд хоорондоо үнэхээр холбоотой гэсэн баталгааг гаргаад ирэх юм бол энэ талаар хоёулаа дахин ярилцъя. Биднийг урагш ухасxийн хөдлөхөөс өөр аргагүй болгохоор тийм эд мөрийн баримтыг олох хэрэгтэй. Тэр цаг руугаа дахин хараад
- Тоглолт хагас цагийн дараа эхэлнэ гэж Сузид хандан хэллээ.
- Би такси дуудъе гэж Сузиг хэлтэл Харрис
- Хэрэггүй, би машинтайгаа ирсэн гэв.
- Зүйтэй. Би одоохон буцаад ирнэ гэж хэлээд Сузи өрөөнөөс гарч явлаа. Фостер пивоо ууж дуусгаад
- Та нар хаа нэг тийшээ явж хөгжилдөх нь үү? гэж Харрисаас асуув.
- Дуурь үзнэ. "Дон Жиованни". Чи дуурь үзэж байсан уу?
- Ойрын үед л лав үгүй юм байна гэж хэлснээ Фостер хоосон лаазаа ширээн дээр тавиад
- За тэгэхээр би та нарт саад болохоо больё гэлээ. Харрис толгой дохиод
- Амралтын өдрүүдээ тайван сайхан өнгөрөөгөөрэй гэж хэлэв.
Фостер гарахаар хаалга руу зүглэн явж байхдаа "Тэгдэг бол сайхан л байна, гэхдээ одоохондоо лав биш. Чиний Сузиг уруулаараа шовхийтэл чанга үнсэж байсан тэр үнсэлтийн чимээг би хэсэгтээ мартаж чадахгүй бололтой" гэж бодлоо.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:50 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.07.17 1:00 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 887
Уйгагүй ингэж ном оруулдаг хүн цөөрсөн цөвүүн цагт ингэж хичээж идэвх гаргасанд баярлалаа.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.07.17 7:57 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
- Чамд сателлиттай зурагт байгаа юу?
Энэ бол Фостер Гэрийг асрамжийн газраас дагуулж гарснаас хойш хэлсэн түүний анхны үгс байлаа. Тэднийг машинаар явж байх үед хүү омог бардам байдлаа хадгалахыг хичээн хэрэгт дурлаж байгаагаа мэдэгдэхийг хүсээгүй бололтой хаашаа явах гэж байгааг ч асуусангүй цонхоор харан сууж явжээ. Гэрид таалагдаж магадгүй гэж бодоод Фостер хүлээн авагчаа асааж, рэп хөгжмийн сувгийг олж тохируулав. Тэр суман мөндөр буулгах мэт үгнүүдийг нэгэн хэмээр дуржигнуулахаас дорхноо залхаж сувгийг сольж сонгодог хөгжим дээр таарууллаа. Гэри ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй.
- Чи надтай манайд очно. Чамайг өөр газар аваачих хүртэл чи тэнд түр зуур байна гэж Фостерыг хэлэхэд хүү юу ч хэлсэнгүй.
Тэднийг гэрт ирэхэд хэдийн орой болсон байлаа. Фостер Гэриг дагуулан зочдын өрөөнд орж зурагтаа харуулаад
- За хар, надад сателлиттай зурагт байгаа гэж түүний асуултанд хариулснаа
- Яагаад гэдгийг бурхан л мэдэх байх. Өчнөөн олон суваг байдаг ч санаанд минь таарах нэг ч суваг байдаггүй юм гэж хэлээд Фостер зурагтын удирдлагыг Гэрид өгөв.
- Үзмээр байгаа сувгаа өөрөө хайж ол. Харин порно эсвэл хүчирхийлэл харуулсан нэвтрүүлэг үзэж болохгүй шүү.
Хүүхэд л болсон хойно зурагтын удирдлагыг гартаа атгасан Гэригийн томоогүй харц нь очтон гэрэлтэж, зурагтыг тэр дор нь асаан сувагны жагсаалтыг гаргаж ирлээ.
- Харж байгаагаас чи зурагттай яаж харьцахаа сайн мэддэг бололтой гэж Фостер хэлэв. Гэри мөрөө хавчснаа
- Би урьд нь ийм зүйл зөндөө хулгайлж байсан. Энэ шинэ Сони плазм зурагт мөн биз дээ гэж асуугаад зурагт руу толгойгоо шилгээн дохилоо.
- Тийм ээ.
- Би мэдсэн юм аа. Эд нар ч ёстой янзын сайхан эд шүү гэж хүү хөөрөн хэлснээ Фостерыг анх удаагаа сайшаах мэт эгцлэн хараад
- Чи хөрөнгө ихтэй баян хүн юм байна гэлээ.
- Би хэсэг ажилгүй гэртээ сууж байхдаа хуучныгаа энэ зурагтаар солимор аядсан юм. Тэгээд л одоо энэ бидэнд байгаа хэрэг. Фостер удирдлагыг Гэригийн гараас авч, зурагтын дууг хааснаа буцааж өгөөд
- Хэрвээ чи энэ гэрээс ямар нэг юм хулгайлах юм бол би чамайг барьж аваад өсвөр насныхны хамгийн хатуу дэглэмтэй шоронд хамгийн урт хугацаагаар суулгана. Миний юу хэлж байгааг чи ойлгосон уу? гэлээ.
Фостер толгойдоо Гэриг гэрээс нь хулгайлж магадгүй гэж бодсон бүх юмныхаа жагсаалтыг, ялангуяа плазм зурагт, стерео тоглуулагчаа хэдийн тогтоож амжсан байжээ. Гэхдээ тэр энэ хоёроо даатгуулчихсан болохоор санаа зовохгүй байлаа. Эцгээс нь үлдсэн дарсны цуглуулгыг даатгуулаагүй ч Фостер энэ үнэ цэнэтэй улаан дарснууд Гэригийн сонирхлыг татахгүй биз гэж боджээ.
Гэри зурагтын дууг чангалснаа
- Би цагдаа нарын юмыг хулгайлдаггүй гэлээ. Тэр дэлгэц
рүү харж сууснаа гэнэт Фостер луу эргэн харж
- Ингэхэд чи яагаад намайг гэртээ авчирсан юм бэ? Арай чи хүүхэд хүчирхийлдэг новш биш биз? гэж асуув.
- Үгүй гэж Фостер ядарсан дуугаар хариулаад
- Би хүүхэд хүчирхийлэгч биш. Харин чи энд, миний гэрт байх хугацаандаа наад хэлж байгаа үгэндээ анхаарах хэрэгтэй шүү. Би чамайг асуудалд орооцолдуулахгүйн тулд энд авчирсан. Бас чамайг надтай муур хулгана мэт өөдгүй аргаар тоглоом хийлгүй миний мөрдөж байгаа ажилд тусалж чадна гэж бодож байна.
- Би новшийн... Би цагдаа нарт туслахгүй, залуу минь.
- Энэ хэргийг мөрдсөний ачаар чиний эгчийг олж чадах байлаа ч гэсэн үү? Гэри дуугаа хурааж, зурагтын дэлгэц ширтэн, киноны нэрсийн жагсаалтыг дээш доош нь гүйлгэн харж суулаа. Фостер хүүг зоргоор нь орхиж гал тогооны өрөө рүү оров. Тэр нэг шургуулгыг онгойлгож хүргэлтийн үйлчилгээтэй хоолны газрын танилцуулганууд гаргаж аван зочдын өрөөнд буцаж очлоо. Гэри хэдийн нэг адал явдалтай кино үзэж сууна. Фостерт байцаагч мэт аяглаж хүүг дарамт шахалтанд оруулахыг хүссэнгүй, тэгэх ч шаардлага байсангүй.
- Пицца, Хятад хоол эсвэл Энэтхэг хоол уу? гэж Фостер хүүгээс асуугаад танилцуулгаа даллан харуулж
- Надад бас энд хамбургер, пицца, тахианы мах, паста гээд бүгд байна. Чи алийг нь идмээр байна?
- Хамбургер гэж Гэри огт эргэлзэлгүй хэлээд
- Би тэр муухай үнэртэй хоолнуудыг идмээргүй байна. Бяслагтайг захиалж болох уу? Харин сонгино хэрэггүй шүү.
- Тэгвэл бяслагтай бургер гэж тохирлоо гэж Фостер хэлээд үүдний хонгилд цэнэглэж байсан утсаа аван гал тогоо руугаа явлаа. Тэр гар утсандаа дугаарыг оруулан хариу өгөхийг хүлээх зуураа тавиур дээрээс нэг шил Bordeaux дарс, хундагатай авав. Дарснаас хундагаа дүүртэл хийх гэснээ тэр гэнэт нэг хүүгийн амь насыг хариуцаж байгаагаа санаад тал дундуур хийлээ. Ойлгоход нилээн хэцүү дуудлагатай нэг залуу хоёр бяслагтай бургер, хоёр кока коланы захиалгыг тэмдэглэж аваад хүргэлт гурван мөчийн дараа очно гэж хэлэв. Фостер хундагатай дарсаа аван зочдын өрөөнд буцаж орлоо.
Захиалсан хоол ирж хаалганы хонх дуугарах хүртэл тэр хоёр хоорондоо нэг ч үг сольсонгүй. Гэри зурагтын дэлгэц рүү илбэдүүлсэн мэт тас ширтэн сууж, заримдаа хамраа ухаж, дараа нь хуруугаа амандаа хийж харагдана. Фостер хамбургер идэх хүслээ арилгачихгүйн тулд түүнд үг хэлмээр санагдаж, хэл нь бараг гозолзож байсан ч тэвчсэн нь дээр гэж бодоод дарснаасаа балган, юу хийх хэрэгтэй байгаагаа бодохыг хичээлээ. Тэр хүүг асрамжийн газар байснаас энд дэргэдээ байлгасан нь илүү аюулгүй гэдгийг сайн мэдэж байв. Гэвч хүү энд насан туршдаа байж чадахгүй. Маргааш хагас сайн өдөр болохоор Фостер чөлөөтэй гэртээ байна. Амралтын өдрүүдэд хүү энд тайван байж болох ч Фостер ирэх долоо хоногт ямар нэгэн арга сүвэгчлэх хэрэгтэй байлаа. Юуны түрүүнд хэрэв Наоми олдохгүй, өөр ямар нэгэн шинэ зааварчилгаа авахгүй бол хүүг өдрийн цагаар асрамжийн газарт байлгаж байгаад орой ажлынхаа дараа очиж авч болох юм. Бас нэг төвөгтэй асуудал нь нагац ах, бэр эгч, үеэл нар нь алагдсаныг түүнд хэрхэн дуулгах вэ гэдэг байлаа. Энэ тухай хүүд хэлэхээ түр азнаж болох юм.
Тэд хоорондоо ярилцалгүй бяслагтай бургерээ идэцгээлээ. Хүү хэдий жижигхэн, туранхай ч харин хоолондоо сайн ажээ. Ээж нь дандаа хэлдэг байсан шигээ "Мэдээж, гэдэсний шимэгч туузан хорхой" гэж хэлэхийг Фостер сонсох шиг болов. Гэри бяслагтай бургерээ шарсан төмстэй хамт далд оруулаад Фостерыг шарсан төмснөөс нь нэмж идэх үү гэж асуухад татгалзсангүй.
Тэр колагаа залгилж дуусаад дараа нь чанга гэгч нь хэхэрсэн ч уучлалт гуйсангүй. Фостер үлдсэн хогийг хамж гал тогооны өрөөнд тавьчихаад буцаж ирэхэд зурагтаар гарч байсан кино дуусчихсан байлаа. Гэри дахин кино үзэхээр өөр сувгууд солин сууж байснаа Фостер луу харж
- Чи энд ганцаараа амьдардаг юм уу? гэж асуув.
- Тийм ээ.
- Чамд эхнэр хүүхэд байхгүй юм уу?
- Үгүй, байхгүй.
- Яагаад байхгүй гэж?
Сэтгэл нь маш их зовсон эх нь энэ дэргэд нь байгаа арван нэгтэй хүүгийн хоолойгоор Фостерт ингэж хэлэх шиг санагдав.
- Намайг хүнтэй гэрлэдэггүй хүмүүсийн нэг гээд л бодчих.
- Тэгвэл чи цэнхэр юм уу? Хүү нүүрээ ярвайлгаснаа
- Залуу минь, чамайг заваан амьтан гэж би мэдээд байсан юм гэлээ.
- Сонс, би гомо биш. Гэрлээгүй л бол эр хүнийг сонирхдог гэсэн үг биш. Надад зөндөө олон эмэгтэй найз байсан. Гэхдээ би тэд нартай хамт амьдарч байгаагүй. Тэгээд бас цэнхэр гэдэг үгийг дахин хэрэглэхгүй байхыг зөвлөх байна.
Өөрийгөө хар даа гэж Фостер бодлоо. Нэг жаахан хүүхэд чамайг доромжилж байна. Гайхалтай. Хоёр минутын дотор л би гэдэг хүн түүний эцэг мэт аашилж байх шив.
- Ямартай ч надад нэг охин бий.
- Охин чинь тэгээд хаана байгаа юм бэ?
- Хөөе, энэ чинь одоо байцаалт уу?
Хүү царайгаа буруулахыг харсан Фостерт өөрөө буруу юм хийсэн мэт сэтгэгдэл төрөв. Хүү одоо харин өөртэй нь ярилцаж байна шүү дээ. Тэр дуугаа хөгжилтэй болгож
- Уучлаарай, намайг өршөөж үз. Охин маань ээжтэйгээ Шотландад амьдардаг. Би түүнийг жаахан хүүхэд байхаас нь хойш дахиж хараагүй гэлээ.
- Тэр одоо хэдэн настай вэ?
- Арван дөрөвтэй. Арван хоёр сард арван тав хүрнэ. Гэри нүдээ дүрлийлгэн Фостерыг хараад
- Тэгвэл чи охиноо их удаан хараагүй байх нь ээ, залуу минь? гэж хэлээд толгойгоо сэгсрэн
- Хэрвээ би хүүхэдтэй болвол түүнийгээ хэзээ ч орхихгүй. Би хүүхдээ байнга хамгаалах болно гэлээ. Хүү гараа
ажиглан харж хэсэг сууснаа
- Намайг яагаад энд дагуулж авчирсныг чинь би мэднэ гэлээ.
- Өө, тийм үү?
- Тийм ээ. Надад аюул учирна гэж чи бодож байгаа. Фостер юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Хүү амархан хууртах нэгэн биш болохоор түүнд одоо худлаа хэлж болохгүй.
- Чи нагац ах Мартинаа сайн таньдаг байсан уу? Гэри хамраа шударч арчлаа.
- Би түүнтэй хэдэн удаа уулзаж байсан. Бас үеэлүүдээ ч харж байсан. Тэрнээс хойш олон жил өнгөрсөн байна. Ээжийг нас барахаас өмнөхөн бид тэднийд очсон. Чи яагаад түүний талаар асууж байгаа юм бэ?
- Тэд нас барцгаасан. Ганцxан Рэчил амьд үлдсэн.
- Өө. Энэ мэдээг сонссон хүү яах учраа олохгүй байгаа бололтой.
- Нагац ахыг чинь үзэн яддаг хүмүүс байсан гэж бид таамаглаж байгаа. Чамд аюул нүүрлэж байгаа гэж би бодохгүй байна. Гэхдээ бүрэн итгэлтэй байхын тулд бид чамайг хамгаалахыг хүссэн юм.
- Тэд бүгдээрээ алагдсан юм уу?
- Тийм ээ.
- Тэднийг алсан хүмүүсийг та барина биз дээ?
- Энэ хэргийг өөр цагдаагийн олон ажилтан мөрдөж байгаа. Би бас тэр хүмүүсийг барихад тусална.
Гэри сонссоноо эрэгцүүлэн бодох мэт Фостероос харцаа салгалаа. Нөгөө бяцxан догшин араатны төрх арилж, одоо түүний өмнө нэг жаал хүү сууж байлаа. Фостер хүүг өөрийн эрхгүй өрөвдөв. Энэ хүүд амьдрал хатуу ширүүн хандаж тэр зөвхөн гаслан зовлонг туулж өнгөрүүлжээ. Энэ буруу ишилсэн сүх мэт зөрүүд хүүг аргадах бас тийм ч амаргүй ажээ.
Фостер мөн адил бодолд дарагдан хэсэг суулаа. Хүүхэд хүмүүжүүлэх ийм хэцүү байдаг юм байх даа? гэж тэр бодлоо. Гэртээ авчраад хэдхэн цаг болж байхад хүүхэд насандаа хатуу бэрхийг туулан өнгөрүүлж тэрээр гэмт хэрэгтнүүдийн нэг болох нь гарцаагүй гэж бодож байсан энэ зөрүүд хүү одоо бүх юмны учрыг ойлгодог нэгэн мэт харагдана.
Фостер босож зогсон Гэрид туулсан амьдрал нь амаргүй байсан ч энэ бол гэмт хэрэг үйлдэх шалтгаан биш, бас одоо тэр хүүг хариуцаж авсан гэдгээ хэлэх гэтэл хүү өөрт нь нэг юм хэлэхийг хүсэж байгаа бололтойг хараад сургаал айлдахаа болин эргэж суудалдаа суулаа.
- Леони ийм юм болно гэдгийг мэдэж байсан.
- Тэр юу мэдэж байсан юм бэ?
- Нагац ах Мартинд ямар нэг юм тохиолдоно гэж мэдэж байсан.
- Нээрэн үү? Фостер сандал дээрээ өндөлзөн
- Эгч чинь чамд юу хэлсэн юм бэ, Гэри? Хүү дуугаа хурааж нүдээ анин хэсэг суулаа. Гэриг ярьж эхэл гэж шаардахгүйн тулд Фостер биеэ барих хэрэгтэй байв. Тэгтэл хүү ярьж эхэллээ.
- Эгч үүнийг нууц гэсэн. Тэгээд намайг хэнд ч хэлж болохгүй гэж захисан.
- Гэхдээ одоо нагац ах Мартинд чинь муу юм тохиолдчихлоо. Бас чиний үеэлүүд алагдаж аймшигтай юм болоод байна. Рэчилийг муу юмнаас хамгаалж, дахин ийм хэрэг гарахаас сэргийлж, энэ хэргийг үйлдсэн этгээдийг бид олоход тус болж магадгүй учраас чи надад бүгдийг ярих хэрэгтэй байна.
Гэри дахиад дуугаа хураачихав. Эгчдээ өгсөн амлалтаа зөрчихөөс түүний санаа зовоод байгааг Фостер ойлгож байлаа.
Фостер хүүг шавдуулмаар байсан ч болив. Гэриг хэлснээсээ илүү их юм мэдэж байгааг Фостер мэдэж байлаа, Хэрэв Гэри мэддэг бүхнээ хэлбэл энэ мөрдөлтөнд хэрэгтэй байж магадгүй байлаа.
- Леони бид явах ёстой замаасаа хазайж төөрчихсөн гэсэн. Хэрвээ бид зөв замдаа эргэж орохгүй бол шийтгүүлнэ. Эгч хэлэхдээ тэр өөрийгөө, бас намайг энэ замаар явах юм бол бүх юм сайн сайхан болно гэсэн. Гэхдээ ээж, нагац ах Мартин, Дэйв нар шийтгэлээ амсах ёстой.
- Эгч чинь шийтгэл гэж яг юуг хэлснийг чи асуусан уу? Гэри толгой сэгсэрлээ.
- Минийхээр бол энэ их л айхтар юм байсан. Тэгтэл ээж нас барчихсан.
- Бид явах ёстой замаасаа хазайгаад төөрчихсөн гэж хэлэхдээ "бид" гэж хэнийг хэлснийг чи мэдэх үү?
- Манай гэр бүл гэж би ойлгосон.
- Яг ямар зам гэдгийг эгч чинь хэлж байсан уу? Тэр Есүсийн тухай хэлсэн юм болов уу? Хүү толгой дохилоо.
- Тэр Есүсийг буцаж ирнэ гэж хэлээд ганцxан түүний тухай ярьдаг болсон. Би хэдийгээр сайн ойлгоогүй боловч хэрвээ Есүс буцаж ирвэл муу юм хийж байсан зарим хүмүүс шийтгэгдэх болно. Бид харин өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй гэсэн.
Леони Стами дээр ирдэг байсан тэр эрэгтэй, Кэти Дрэйкийн гэрт ирсэн хүн хоёр магадгүй нэг хүн бөгөөд энэ хэргийн гол гогцоо нь юм байна гэдгийг Фостер ойлголоо.
- Эгчийнхээ ярьж байсан зүйлүүдээс чамд өөр санах юм байна уу, Гэри? Юу ч байсан хамаагүй. Цаг бараг шөнийн арван хоёр болж байв. Фостер бодол болон суух хүүг харвал тэр их ядарсан харагдах тул яриаг зогсоож амраахаар шийдлээ. Тэр түүнд зориулан хүүхэд байхдаа унтдаг байсан одоо зочдод зориулсан өрөөг бэлдсэн байжээ.
- Би өөр юу ч мэдэхгүй гэж хүү омог бардам хэлээд инээмсэглэснээ
- Эгч гэнэтхэн хачин хувцас өмсдөг болчихсон гэв.
- Өө, тийм үү? Ямар хувцас?
- Зүгээр л хачин юмнууд. Тэр урьд нь богино банзал, ханцуйгүй майк мэтийн юм өмсдөг байсан. Гэтэл гэнэтхэн урт даашинз өмсдөг болчихсон. Үерхдэг байсан найз нар нь эгчийг дээрэлхэн дооглодог болж, түүнд ямар ч найз үлдээгүй. Эгч тэднийг муу хүмүүс гэсэн. Охидын нэг эгчийг цохиход тэр эргэж зодолдоогүй. Леони сайн зодолддог байсныг мэддэг болохоор би маш их гайхсан. Урьд нь түүнийг хэн ч дээрэлхдэггүй байсан.
- Яагаад өөр хувцас өмсөх болсноо тэр чамд хэлсэн үү?
- Үгүй. Миний бодлоор тэр эрэгтэйн хэлснээс болсон. Эгч гэнэтхэн шал өөр хүн болчихсон шүү, залуу минь гэж хүү хэлснээ жуумалзав. Тэр гэнэт инээмсэглэхээ больж
- Тэр надад муу юм тохиолдуулахгүйн тулд санаа тавина гэдэг байсан.
- Гэри, гэхдээ тэр одоо энд алга. Тийм учраас чамд муу юм тохиолдохоос бид урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Гэригийн нүдэнд оч манасxийх шиг болж
- Эгчийг үхчихсэн гэж чи бодоод байгаа юм уу? гэж ууртай хэллээ. Фостер гараа өргөөд
- Би үүнийг мэдэхгүй гэв.
- Би мэдэж байна. Тэр үхээгүй.
- Учир нь тэр чамайг ирж авна гэж амалсан болохоор уу?
- Би үүнийг түүнээс сонссон учраас. Фостер сонссон зүйлдээ бараг итгэж чадсангүй.
- Түүнийг алга болсноос хойш уу? Хүү хариу хэлсэнгүй.
- Гэри, хэрвээ Леони чамтай холбоо барьсан юм бол би үүнийг мэдэх хэрэгтэй. Гэри юу ч хэлэхгүй зөвхөн хана гөлрөн сууна.
Фостер нүүрээ илээд
- Гэри, хүмүүс алагдсан. Чи надад энэ хэргийг хийсэн хүнийг, бас тэр арван дөрөвтэй охиныг олоход тусалж чадна. Гэри ямар ч хариу өгсөнгүй.
- Чи бас Рэчилд муу юм тохиолдохоос сэргийлж, Леониг олоход тусалж чадна шүү дээ. Гэри толгойгоо алгуурхан сэгсэрч хэзээ хэзээгүй уйлах нь уу гэмээр харагдана.
- Би түүнд амалсан юм.
- Хэрвээ чамайг хэлэхгүй бол цагдаатай хамтарч ажиллаагүй гэж цагдаагийн газарт аваачих болно.
- Чи намайг айлгаж чадахгүй. Намайг урьд нь баригдаж
байгаагүй гэж бодоод байгаа юм биш биз?
Хүүгийн зөв байлаа. Хэрвээ цагдаагийн тэмдэглэлд итгэх юм бол тэр тэнд зуугаас ч олон удаа байжээ.
- Леониг олоход би тусалж чадна. Тэгвэл чи аюулгүй болно.
Хүү түүнийг үг дуугүй ширтэхэд харцанд нь итгэл төрсөн мэт харагдав. Гэвч тэр юм ярихыг хүсэхгүй байлаа.
- Явж унт даа. Маргааш хоёулаа дахин ярилцъя.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:51 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.10.17 3:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Би авъя. Ийм гоё ном орж бгааг мэдсэнгүй шд. Сая л олж харлаа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.10.17 7:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баярлалаа :wd: :wd: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.10.17 7:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16696
Quote:
Уйгагүй ингэж ном оруулдаг хүн цөөрсөн цөвүүн цагт ингэж хичээж идэвх гаргасанд баярлалаа.
Гэтэл Наж Могой чи яасан? Гэмээ ухаарч байна уу? :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.10.17 7:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 887
Хамаг бүдүүн халтуурдагч юу гэнэм.

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Jul.11.17 5:18 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Эх нь инээмсэглэхийг оролдох хэдий ч зүрх сэтгэлд нь хуримтлагдсан уйтгар гунигаа харцнаасаа нууж чадсангүй. Сарагийн өмссөн хар даашинз хэдийгээр гоё харагдах ч өөрт нь алиа салбадайн хувцас өмссөн юм шиг санагдаж байлаа. Охин дүү нар нь тэр хоёрын эргэн тойронд эргэлдэн баясан хөөрч удахгүй болох хурим, ирэх зочдын талаар шулганалдана.
- Бүжигт наадам болно биз дээ гэж Хэнриетта баясан асуулаа. Бас зургаан настай, мариалаг Эмма
- Ирсэн зочид бүгдээрээ хоол идэх үү? гэж асуув.
Ямартай ч хүмүүс хөгжилдөцгөөх нь мэдээж боловч, харин Сарагийн хувьд бол тийм биш байлаа. Ирсэн зочид гэр гэр лүүгээ явцгаасны дараа нөхөр болох хүн нь түүнийг авч явна гэж бодох үед айснаас болж цөс нь хөөрч дотор нь муухайрна. Өнгөрсөн шөнө тэр нөгөө муухай зүүдээ бас л зүүдэлжээ. Дотор муухайрам өмхий үнэр ханхалсан өрөөнд шарлаж хөгцөрсөн шүдээ ярзайлгасан, сөрвийж ургасан сахал, аалзны хөлийг санагдуулах хамраас нь цухуйх үстэй тэр муухай хүн өөрийг нь үнсэхээр дээрээс нь тонгойж байжээ. Урьд өмнө зүүдэлж байгаагүй удахгүй биеллээ олох тэр муухай хар дарсан зүүд.
Эх нь дотроо шаналж байгаа ч тусалж чадахгүй гэдгийг Сара сайн мэдэж байв. Эцэг нь түүнийг энэ хотод нэр хүндтэй, олон түмэнд хүндлэгддэг хүнд бэлэг болгон өгөх гэж байгаа бөгөөд үүнийг одоо хэн ч, юу ч өөрчилж чадахаасаа өнгөрчээ. Эх нь түүнд Ертөнцийн эзэнд өгсөн амлалт гэж юу болох тухай тайлбарлаж байв. Өөрийг нь гэр бүлээс салгах гээд байгаа энэ Эзний хүслийг би яахлаараа биелүүлэх ёстой гэж? Тэр яагаад намайг азарган тахиа эсвэл усан тэнэг нэгэн болгоод хувиргачихгүй байгаа юм бэ? Тэр сахилгагүй, бас тийм ч ачлалтай хүүхэд байгаагүй ч Библийн судраас сүсэг бишрэлийн тухай болон баримтлах зарчмуудыг уншиж, сүмд очин энэ бүхэнд итгэж үнэмшихийн тулд нүдээ анин христосын шашны номлолыг хичээнгүйлэн сонсдог байсан. Энэ бол шударга биш гэсэн бодол түүнийг дотроос нь хэмлэж, бодох тусам эргэлзээг нь төрүүлж эхэлжээ.
- Би яг чам шиг ингээд зогсож байж билээ гэж эх нь аргадангуй хэлээд
- Тэр үед би бас л айж, яг чам шиг эргэлзэж байсан. Сара, чи хэдийгээр жаахан ч гэлээ зоригтой хүүхэд. Тэр сайн нөхөр байж, чамайг халамжилна. Миний амсаж үзээгүй жаргалыг тэр чамд өгч чадна. Мэдээж анхандаа хэцүү байх ч цаг хугацаа өнгөрөхөд чи түүнийг хайрладаг болно гэлээ.
Сарагийн хөх инээд нь хүрч, нүд нь гялалзан
- Хэзээ ч тийм юм болохгүй! хэмээн хашгирлаа. Тэр эхийнхээ зовлон гунигаас болж эрт үрчлээ суусан, уйтгартай, бараандуу өнгөтэй нүүр лүү харав. Хүүхдээрээ шахам байсан эх нь Баавгайт голын дэргэд болсон цуст хядлагын дараа алагдсан гэр бүл, төрөл төрөгсдийнхөө цогцсон дунд хагас үхлүүт хэвтэж байхад нэг хүн түүнийг олж авчээ. Түүнийг олсон хүн усан онгоцоор далайн чанадаас ирээд удаагүй байсан сүсэг бишрэлтэй нэгэн байжээ. Гэрлээд удаагүй байсан тэр хүн охиныг гэртээ аваачсан байна. Охин гэр орны ажилд тусалж, тэд харин түүнийг өөрсдийн төрсөн хүүхэд мэт нандигнан хайрлаж өсгөжээ. Сүсэг бишрэл түүнийг зовлонгоос аварч, түүнд шинээр амьдрах итгэл найдвар, шинэ гэр бүл, шинэ эхлэлийг өгчээ. Түүнийг Сарагийн эцэгтэй гэрлүүлэхэд татгалзаж чадаагүй нь гайхаад байх зүйл огт биш байлаа. Охин тэдний ачийг хариулах ёстой байжээ.
Сара эхийгээ хүзүүдэн тэвэрлээ. Нүдэнд нь нулимс хурсан ч тэр тэвчээр гарган нулимсаа шингээн залгиад
- Өө, ээж минь дээ гэж аяархан хэлснээ
- Зүгээр дээ, бүх юм сайхан болно гэлээ.
Сара нил үүнд баригдсан нүүр нь байнга хөлөрчихсөн явдаг тэр хөгшин эртэй гэрлэх гэж байгаадаа гунигласан юм биш гэдгээ эхдээ хэлж чадсангүй. Тэр гэрийнхнийгээ дахин хэзээ ч харахгүй ч удахгүй өөрийнх нь бүх юм сайн сайхан болно гэдэгт итгэж байв.
Хайртай залуу нь түүнийг ирж авна гэдгийг Сара мэдэж байжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:52 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.11.17 8:08 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 497
Location: Төв цэгт
Сайн уу? Гоё ном оруулсан байна. Хэрэв дургүйцэхгүй бол pdf файлаар нь өгөөч. Баярлалаа.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Jul.13.17 3:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Цусан төрөлийг уншиж дуусгалаа. Үнэхээр сонирхолтой, гоё ном бна. Нэг киног санагдууллаа. Нэрийг нь санахгүй бгаа ч нэг саятан хэдэн хүнийг цайздаа уриад тэнд 1 шөнө хоносон хүнд 1 сая доллар ч билүү өгье гэдэг. Тэгээд шөнө нь бөөн аллага болоод. Тэгсэн тэр хүмүүс нь бүгд дэлхийн 2р дайны үед билүү гүй билүү ямар ч бсан хүмүүс дээр амьдаар нь туршилт хийдэг эмч, сувилагч нарын удам бдаг. Хамгийн сүүлд нь хөөрхий муу Фостерийг л оршуулах гэж бгаан бх гэж бодлоо шд. Анхнаасаа Найжл Фостерын нэрэнд их анхаарал тавиад бсан болохоор ер нь бол Найжлаас өмнө таамагласан л даа ккк.

Баярлалаа :wd: :wd: . Бас энэ номоо яаж ийж бгаад хэвлүүлэх хэрэгтэй бхаа :cheerleader: :cheerleader: . Миний бодлоор маш сонирхолтой ном бна, удам судрынхаа талаар судалмаар санагдав. Би чинь ээж, аав, эмээ, өвөө, эмээ өвөөгийн ээж ааваас цааш мэдэхгүй нөхөр л дөө.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.13.17 3:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Одоо гялс Цусан өшөөг уншаад, тэгээд дараа нь энд оруулж бгаа бас нэг шинэ номыг чинь уншина даа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.13.17 3:39 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
15


Хөл нь гэнэт хатгуулан өвдөж Фостер сэрчихэв. Нойрон дундаа хөлөө жийхдээ буйдангийн түшлэгт аяархан цохьсон ч гэмтсэн хөл нь хүчтэй өвдөнө. Тэр босохоор шийдэн нүүрээ нэг сайн шударлаа. Цонхны завсраар зурвас гэрэл тусахыг хараад хэдийн өглөө болсоныг анзаарав. Түүний хувьд өнгөрсөн шөнө их урт санагджээ. Өндийж суух үед бүх бие нь янгинаж, хөшсөн бие нь цаг орчим энэ хэвээрээ хөдлөхөд хэцүү байна гэдгээ Фостер мэдэж байлаа. Буйдан дээр хэвтэхэд тамлуулж бэртсэн бие нь амрахаа больсон ч дээд давхарт унтаж байгаа Гэриг сэмхэн гараад явчихаж магадгүй гэж бодоод Фостер шөнийг энд өнгөрүүлжээ. Ухасxийн босоход бэлэн байхыг хичээн шөнөжин нойргүй суусан тэрбээр гадаа салхилах салхины сэрчигнээн, ус халаагчийн зөөлөн дүнгэнэх чимээнд бүүвэйлэгдсээр эцэстээ нойрондоо дийлджээ. Дутуу нойртой хоносон Фостерын толгой бага зэрэг өвдөж эхэллээ. Тэр "Брайн Харрис" гэж бараг зуун удаа давтан үглэж байснаа
- Энэ дэлхийн бүх эрчүүд дундаас очиж очиж тэр муу новш байхдаа яадаг байна гэж хэлэв.
Хамаг зориг тэвчээрээ хуримтлуулахад хэдэн минут зарцуулж хэсэг сууснаа аяархан ёолсоор босож зогслоо. Санасныг бодвол тийм ч хэцүү байсангүй.
Фостер шатаар өгсөн угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усанд булхлаа. Нүүрээ арчиж хатаачихаад тэр зочны унтлагын өрөө рүү очвол хаалга нь хаалттай харагдав. Фостер хаалгыг тогшвол чимээ гарсангүй. Дахин тогшвол бас л хариу өгсөнгүй. Санаа зовоод байх зүйл одоохондоо алга, хүүхдүүд энэ насан дээрээ орондоо хөрвөөж эрт босох дургүй байдаг. Тэр хаалгыг зөөлхөн онгойлгож өрөө рүү шагайн харлаа.
Ор хоосон байв.
Өрөөний цонх онгорхой, хөшиг салхинд намирч харагдана. Фостер цонх руу очиж гадагшаа харлаа. Цэцэрлэг рүү шууд үсэрч буухад хэцүү, их өндөр ажээ. Гэсэн ч энэ Гэрид саад болохгүй нь ойлгомжтой. Гэнэт Гэри нэг удаа хоригдож байсан газраас оргосон хэргээр байцаагдаж байсныг Фостер саналаа. Тэр өрөөний гөлгөр хана өөд муур шиг авирч, таазны гэрлээс дүүжигнэн гадагшаа үсрэн гараад барилгын ханыг даган доош бууж байхдаа баригджээ. Яг л нэг бяцxан Аалзан хүн шиг.
Би бодож байснаас удаан унтсан бололтой гэж Фостер бодлоо.
Тэр доошоо бууж ус буцалгагчаа залгаад, үүдний хонгилд тавьсан гар утсаа очиж авав. Наижл Барнесаас ирсэн нэг дуудлагыг тэр сонсоогүй ажээ.

Фостер сэтгэл нь хэт хөдөлсөн Барнесын ярьж байгаагаас тэр ямар нэг ул мөр олсон гэдгийг л ойлгож чадлаа. Тэд Лондонгийн Метрополитан Архивын газрын ойролцоо Фаррингдонд байдаг кофены газарт уулзахаар тохиролцов. Фостер тэнд Карл Хоггийн хэргийн талаар Наижлтай ярилцахаар Хадерыг дагуулан очиж байжээ. Наижл руу явахаасаа өмнө тэр ажил руугаа утасдаж Гэри оргосныг мэдэгдээд хүүг олвол өөрт нь даруйхан дуулгахыг хүслээ. Дараа нь асрамжийн газар луу утасдвал Гэри тэнд очоогүй байв. Битгий хэрэг тарьчихаасай гэж Фостер бодлоо. Би баталгаа гаргаж гарын үсэг зуран байж түүнийг асрамжийн газраас авсан. Хэрвээ тэр дахиад хулгай хийвэл би нилээд хүнд асуудалд орно гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ.
Барнес хэдийн ирчихсэн түүнийг хүлээгээд сууж байлаа. Тэр зогсоо зайгүй толгойтой үсээ оролдож байсан бололтой үс нь байдгаараа арзайчихсан харагдана. Биеэр нь гүйх адреналин, уусан кофены нөлөөнөөс болсон уу тэр ээрсээр шөнө бараг унтаж чадаагүй гэж хэллээ. Бид хоёр ч яг адилхан шөнийг өнгөрөөж дээ гэж бодсон Фостер хар кофе захиалж аваад жижиг ууттай хоёр элсэн чихэр задлан хийлээ. Барнес шөнөжин тамхи татсан бололтой түүнээс тамхины бохь үнэртэж байв. Карл Хоггтой учирсан хэргээс болж тэр энэ үнэрийг авч чадахаа бараг больчихсон ажээ. Картонон хайрцгаар доторлосон өрөөнд амссан өвдөлт, тэр хүний тамхины бохь үнэртүүлсэн амьсгалыг мэдэрч, энэ бүгд өмнө нь дахиад босоод ирэх шиг санагдана.
- За түргэлж үз. Чамд тэгээд ямар сонин мэдээ байгаа юм бэ? гэж тэр хайхрамжгүй асууснаа гэмших сэтгэл төрөв.
- Утсаар ярьсан ярианаас чинь би юу ч ойлгосонгүй.
Барнес гүн амьсгал аваад нүдний шилээ заслаа. Тэр эх нь төрүүлснийхээ дараа дэргэдээ байлгавал аюулд өртөнө гэж бодоод өөрөөсөө холдуулсан Антони Чапманы тухай Фостерт ярив. Сүм хүүхэд үрчлүүлэх асуудлыг зохицуулсан боловч энэ тухай ямар ч баримт үлдээгүй. Нөхөр нь нас барсны дараа тэр эмэгтэй шинээр ирсэн хамба ламд нүглээ наминчлах үедээ нагац эгч нь түүнд ямар нэг юм хэлсэн учраас энэ санаанд оромгүй арга хэмжээг авсан гэж хэлжээ. Тэр нагац эгч нь бараг бүх насаараа Колни Хатч гэдэг нэр хүнд муутай галзуугийн эмнэлэгт хоригдож байсан. Тэр эмнэлэг 1930 онд Фриэр Эмнэлэг гэж нэрээ өөрчилсөн байна. Гэхдээ энэ эмнэлэг олон жилийн өмнө байхгүй болсон. Тэр эмнэлгийг нураасны дараа баячуудад зориулсан орчин үеийн орон сууцнууд барьсан ч хуучин хананы туурь нь үлдсэн. Принцес Парк Манор гэдэг тэр газар залуухан бизнесмэнүүд, хөл бөмбөгчид гээд өсөн дэвшиж яваа хүмүүс амьдардгийг Фостер мэддэг ажээ. Фостер инээдээ барих хэрэгтэй болов. Одоо амьдарч байгаа тэр газар нь хэдэн арван мянган галзуу, тэнэг хүмүүс байсан гэдгийг тэр хүмүүс мэддэг болов уу?
- Энэ бүхэн үнэхээр сонирхолтой юм. Гэхдээ энэ чинь бидэнд ямар хамаатай юм бэ?
- Колни Хатчийн архивыг Лондонгийн Метрополитаны Архивын Газарт шилжүүлэн өгчээ. Тэнд өвчний түүхүүд, өвчтөн хүлээж авсныг бүртгэсэн тэмдэглэлүүд гээд олон янзын бичиг баримт байгаа. Нөгөө нагац эгч нь эмч нарт өөрийнхөө айдсын талаар, мөн тэр өшөө авах гэж заналхийлж байсан хүмүүсийн тухай ярьсан байж магадгүй. Хэрвээ тэгсэн бол өвчний түүхэнд тэмдэглэж үлдээсэн байх ёстой.
- Алив байзаарай гэж Фостер гараа өргөн хэлээд
- Чи тэгээд арай ухаан санаа нь самуурч галзуурснаас хамаг төрөл төрөгсөд нь нүүрээ буруулж, бүх насаа галзуугийн эмнэлэгт өнгөрөөсөн эмэгтэйн учир утгагүй ярианд үнэмшээд байгаа юм биш биз? гэж асуулаа. Барнес мөрөө хавчснаа
- Ингэхэд байна аа, хэдийгээр би эхлээд тэгж бодсон ч одоо харин арай өөрөөр харах болсон. Хүүхдээ орхихоос өөр аргагүй болсон хатагтай Эдит Чапман тэр эмэгтэйн хэлж байсан үгнээс болж их айдаг байсан. Би бас хатагтай Эдит Чапманыг сүсэгтнүүд дундаа нэр хүндтэй, эелдэг даруу, шударга гишүүний нэг гэж ...
- Тэр чинь хүүхдээ хаясан гэж Фостер Наижлын яриаг таслан хэлээд
- Түүнийг даруу, шударга зантай гэмт хэрэгтэн гэж нэрлэж болох юм биш үү? гэлээ.
- Үгүй, тийм биш. Бид ямар нэг хүн Хортон, Сара Ровли нарын үр хойч нарыг нь мөрдөн хайж, алж байгааг мэдэж байгаа. Үүнийг тэр нагац эгч нь урьдчилан хэлж байсан. За яахав, тэр олон жил цоожтой байсан ч түүнд шударгаар хандсан гэж хэн хэлээд байгаа юм бэ? Миний харж байгаагаар бол түүний зөв байсан.
Фостер кофеноос балгалаа. Барнес энэ олсон ул мөрнийхөө учрыг шалгах хэрэгтэй гэж аль хэдийн бодчихсон байгааг Фостер ойлгов. Яагаад ийм хэрэг гараад байгаа учир шалтгааныг олчихвол тэд энэ бүх хэргийн ард хэн байгааг олоход дөхөм болох нь дамжиггүй. Хэрвээ Харрист мөрдлөгт тус болох үүднээс аль эрт нас барсан нэг галзуу хүний хэлж ярьсныг судалж байна гэвэл тэр яах бол гэж бодохын ч хэрэггүй байлаа.
Сузи, Харрис хоёр хэдийн сэтгэлийн холбоотой болсон юм болов уу, эсвэл энэ ганц удаагийн уулзалт байсан юм болов уу? Тэр Сузигийнд хоносон болов уу? Үгүй ээ, больж үзээч гэж Фостер дотроо бодлоо. Одоо Харрисыг бодож байх цаг биш.
- Зүйтэй. Бид юу хийх болж байна?
Наижл тэмдэглэлийн дэвтрээ дэлгэлээ
- Эдитийн нагац эгчийг Маргарет Ховелл гэдэг. 1909 онд төрсөн. Англид 1891 онд ирсэн Хортон Сара Ровли нарын хамгийн том охин Эмма Ховеллийн ганц хүүхэд байсан. Маргарет Ховелл 1964 онд Фриэр Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт тавин таван насандаа "дайрлага"-ын улмаас нас барсан. Дайрлагын шалтгаан тодорхойгүй. Тэр татаж унадаг өвчтэй байсан байж магадгүй.
- Энд чинь тэгээд бидэнд тус болохоор юм алга байна шүү дээ.
- Үгүй. Гэхдээ түүний өвчний түүхийг харвал магадгүй юм. Даанч өвчтөний баримт материалыг зуун жилийн дараа л олон нийтэд дэлгэж үзүүлдэг юм байна. Хэрвээ ...
- Хэрвээ юу гэж?
- Хэрвээ цагдаагийн газраас зөвшөөрөл авчихвал ...
- Зөвшөөрөл автал хэдэн өдөр, магадгүй бүр хэдэн долоо хоног өнгөрнө гэж Фостер хариу хэлэв. Тэр эрүүгээ илээд сахлаа хэд хоног хусаагүйгээ саналаа.
- Тэр баримтууд Лондонгийн Метрополитаны Архивын Газарт байгаа гэсэн үү? Барнес толгой дохилоо.
- Гэхдээ олон нийтэд харуулдаггүй. Барнес дахиад толгой дохив. Фостер кофегоо ууж дуусгаад
- Хоёулаа тийшээ явцгаая гэлээ.

Наижл архивын конторт Фостерыг бараг цаг гаран хүлээж суув. Энд хүн багатай, оюутан баймаар хэдэн судлаач, бас хэдэн сонирхогчид хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулан чимээгүй сууцгаана. Фостер бор өнгийн жижиг боодолтой юм барин орж ирээд
- Нөгөө юм чинь энэ байна гэж хэлээд Наижлын хамрын өмнө тавилаа.
- Чи ч сүрхий юм аа. Хүсэлтээ бичгээр гаргаж өгнө гэж бодож байлаа гэж Наижл хэлэв.
- Уул нь тэгэх ёстой байсан. Энэ маш яаралтай гэдгийг би тэдэнд тодорхой тайлбарлах хэрэг гарсан. Хэрвээ татгалзах юм бол асуудалд орно гэж тэд ойлгосон биз.
Наижл боодлыг авлаа. Боодлыг битүүмжлэн лацаджээ. Ийм ховор материалыг гартаа барьж үзнэ гэдэг маш ховор завшаан тул Наижлын сэтгэл маш их хөдөлж байлаа. Хавтасны нүүрэн дээр Маргарет Ховеллын нэр, төрсөн өдөр, өвчний түүхийн дугаарыг тэмдэглэжээ. Санасныг бодвол хавтастай баримт их нимгэн байсанд Наижлын урам бараг зэрэг хугарав. Тэгсэн ч сэтгэл нь хөдөлсөн тэрбээр баримтыг нээлээ. Фостер Наижлын урдаас харан суужээ.
Эхний баримт нь Маргарет Ховеллыг хүлээн авсан анкет байлаа. 1924 оны тавдугаар сарын 29. Тэр дөнгөж арван тавтай байжээ.
- Нөхцөл байдлаас харахад тэр ихэнх амьдралаа энэ галзуугийн эмнэлэгт өнгөрөөсөн юм шиг байна гэж Наижл хоёр хуудсанд багтаасан баримтыг харангаа бувтналаа. Эхний хуудсан дээр өвчтний нэр, нас, шашин шүтлэг, гэрийн хаягаас өөр сонирхол татахаар юм тэмдэглээгүй бололтой. Гэтэл тэнд "... анхны шинж тэмдэг илэрсэн нас 11" гэж бичсэн байлаа. Гаргацтай бичсэн нэг тэмдэглэлд ЭМНЭЛГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭГЭЭР ӨВЧТӨНИЙ ГАЛЗУУРСНЫГ НОТЛОХ ГОЛ ШАЛТГААНУУД гэж томоор гарчиглаад дараахь зүйлийг нэгтгэн бичжээ.

Өвчтөн гэр бүл болон өөрийгөө урьд өмнө болсон нэг хэргээс болж хараагдсан гэж хэлсэн. Араас нь мөшгин хөөж байж байгаа тэр хүмүүс өшөөгөө авахын тулд тэднийг ална гэдэгт тэр итгэдэг ажээ. Тэр ямар ч шалтгаангүйгээр солиорох үедээ үүнийгээ байнга ярьдаг. Хатагтай Ховеллын хэлээд байгаа шиг тэдэнд ямар ч аюул нүүрлээгүйг төрөл төрөгсөд нь батлан хэлсэн.

Наижл анх үзлэг хийсэн эмч бичсэн бололтой ӨВЧТӨНИЙ
ГАЛЗУУРСНЫГ БАТАЛЖ БУЙ БУСАД ШИНЖ ТЭМДГҮҮД гэж гарчигласан тэмдэглэлийг Фостерт харууллаа. Тэнд гэр бүлийнхэн нь өвчтний зан төрх өөрчлөгдөн, хий юм харж сонсдог болсноос тэднийг хийсэн нүглийнхээ хариуд бүгд үхэх болно гэж байнга заналхийлэх мэт хэлдгээс айдаг болсныг тэмдэглэжээ. Тэдний хэлсэнээр тэр өөртөө аюултай төдийгүй гэр бүлийнхэндээ байнга төвөг учруулж байдаг гэжээ.
Хоёр дахь хуудсанд айж цочирдсон нь илт нүд нь хөнхийж, турж эцсэн нэг охины хар цагаан өнгийн гэрэл зураг наасан байв.
- Есүс минь, тэр чинь жаахан хүүхэд байсан байна шүү дээ. Тэнд хичнээн хүн байсан юм бол? гэж Фостер асуулаа.
- Тэр үед үү? бараг гурван мянга.
- Тэр чухам яг яадаг байсан юм бол?
Наижл харцаа хуудаснаас салгасангүй. Зурагны дэргэд ӨВЧНИЙ ОНОШ: СОЛИОРОЛ ХАВСАРСАН ШИЗОФРЕНИ гэж бичжээ.
Тэнд охины биеийн ерөнхий байдлын талаар дэлгэрэнгүй бичиж тэмдэглээд эрүүл мэндийн байдал сул, сэтгэцийн өөрчлөлттэй гэж дүгнэжээ. Өвчний сүүлчийн хурцдалын үед бие нь олон газраа хөхөрсөн байжээ. Анх арван нэгтэйгээс эхлэн эмнэлэгт хэвтүүлэх хүртэл өвчний хурцдалын тоо нэмэгдэж илрэх байдал нь улам хүчтэй удаан үргэлжилдэг болжээ. Энд солиорох үеийн шинж тэмдгийн талаар өөр зүйл бичээгүй байв. Тэр 4 дүгээр тасагт хуваарилагджээ.
Дараагийн тэмдэглэлд, бараг нэг жилийн дараа өвчний явц, Маргаретэд хийсэн эмчилгээний үр дүнгийн талаар бичсэн байв. Наижл хэдийгээр баргийн гар бичмэлийг гаргаж уншдаг ч энэ эмчийн тэмдэглэл уншихад маш хэцүү байлаа. Тэр хэдэн өгүүлбэрийг арай гэж тайлан уншаад зүрх нь шимширч бараг ухаан алдах шахав. Наижл
- Тэд охиныг цахилгаан тогонд цохиулж эмчилж байжээ гэж Фостерт хэллээ.
- Хэзээ?
- Эмнэлэгт хэвтсэнээс хойш нэг жил орчмын дараа, энэ тэмдэглэлийг бичих үед юм шиг байна. Энэ гар бичмэлийг гаргаж унших их хэцүү юм. Энэ эмчилгээнийн үр дүнд охин сайжирч, хий юм харж сонсох нь цөөрсөн гэж бичсэн байна.
- Охиныг тогонд цохиулсаар байгаад амьд үхдэл буюу зомби болохоос өмнө энэ тэмдэглэлийг бичсэн гэж л найдахаас.
- Эдит Чапманыг айлгаж чаддаг байснаас харвал тэр бас ч гэж ухаантай байсан юм шиг байна.
- Эдит Чапман түүнийг хэзээ эргэж очсоныг мэдэх үү?
- Хатагтай түүнийг олон удаа, ялангуяа хүүхдээ төрөхөөс өмнө эргэж очсон гэж би бодож байна. Гэхдээ би үүнийг тодорхой хэлж мэдэхгүй. Тэр нилээн залуу байхдаа нагац эгчээ нэг удаа эргэж очоод дараа нь байнга очдог болсон ч байж магадгүй. Фостер
- Үүнийг бол би харин ч маш сайн ойлгож байна гэж хэлээд
- Хана маажлан орилж хашгичих галзуу хүнээр дүүрэн тэр аймшгийн байшинд байгаа нэг галзуу эмэгтэйн солиотой ярианаас жаахан охин үхтлээ айх нь мэдээж шүү дээ. Гэхдээ тэр яагаад насанд хүрсэн хойноо ч тэр шизофренитэй эмэгтэйн ярианд итгэсээр байсан юм бол? гэлээ.
- Урьд нь хүмүүс сэтгэцийн өвчтэй хүмүүс ямар нэг сүнсэнд эзэмдүүлсэн гэж үзэцгээдэг байсан. Ихэвчлэн чөтгөрийн сүнсэнд. Эдит Чапман сүсэг бишрэлтэй хүн байсан. Тэр үүнийг Бурхны илгээсэн анхааруулга гэж үзсэн байж магадгүй. Би сайн мэдэхгүй байна. Нагац эгч нь хүнийг итгүүлж үнэмшүүлэхдээ чадварлаг байснаас тэр түүний яриаг үнэн гэж бодсон ч байж магадгүй.
Наижл өвчний түүхийг цааш нь үргэлжлүүлэн уншлаа. Эмнэлэгт хэвтсэнээс хойш 1947 он хүртэл бараг хориос илүү жилийн хугацаанд өөр ямар ч тэмдэглэл хөтлөөгүй байжээ. Энэ удаад тэмдэглэл хөтөлсөн эмч нь өөр хүн байсан бөгөөд аз болж бичиг нь гаргацтай уншихад хялбархан байв. Наижл тэмдэглэлийг хурдан гүйлгэн уншсанаа чухал санагдсан тэр
хэсгийг Фостерт уншиж өглөө.

Өвчтөний биеийн байдал аажмаар сайжирч байна. Мэс засал хийх талаар ярилцсаны дараа шаардлагагүй гэж үзээд цахилгаан гүйдлээр цохиулах эмчилгээг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж тогтлоо. Жил гаруйн өмнөх үеийг бодвол өвчтөн их сайжирсан. Харин эмнэлгээс гаргах талаар ярилцахад өвчтөн энд үлдэх нь өөрт нь илүү аюулгүй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Өвчтөн өнгөрсөн зууны сүүлээр гарсан нэг аймшигтай хэргээс болж тэдний гэр бүл болон өөрөө аюулд учирна гэж хий бодсон хэвээрээ байна. Эмээ нь нас барахынхаа өмнө хэвтэрт байхдаа өөрт нь нэг аймаар нууц задалсан гэж тэр тангарагласан. Түүний хэлж байгаагаар гэм буруугүй хэн нэгэн үхснээс өшөөгөө авахын тулд өвөөг нь хэдэн хүн алсан бөгөөд тэд энэ гэр бүлийн цусан төрлийн сүүлчийн хүнийг алж дуустлаа зогсохгүй гэнэ. Тэр хэрвээ эмнэлгээс гарах юм бол тэдэнд алуулахаас өөр замгүй гэж хэлээд энд үлдээхийг гуйлаа. Энэ ухаан санаанд багтамгүй яриаг нь батлах тэр нууцыг эмээ нь булшиндаа авч орсон гэж тэр хэлсэн. Түүнийг зээ охин дүү нь жилд нэгээс хоёр удаа эргэж тойрдог бөгөөд бусад төрөл төрөгсөд нь бараг ирдэггүй. Хатагтай Ховеллын ярьсан зүйл үнэн эсэхийг мэдэхээр тэднээс асуутал энэ бүгд худлаа гэж дээр доргүй батлан хэллээ. Тэр хэдийгээр цахилгаан эмчилгээнд сайн үр дүн харуулж байгаа ч хий бодлоос нь салж чадахгүй байна. Хатагтай Ховеллын энэ эрүүл ухаанд багтамгүй бодлыг үгүйсгэн эмнэлгээс гаргахгүй л юм бол тэр бүх амьдралаа бидний халамжинд өнгөрөөхөөс өөр аргагүй гэж миний санаа зовж байна. Хэдий харамсалтай ч тэр үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай нь тодорхой байна.

Олсон зүйлдээ сэтгэл нь хөөрсөндөө Наижл зангидсан нударгаа өргөн харуулмаар санагдав. Энд анх удаа одоо гарч байгаа хүн амины хэргийн гол шалтгаан байж магадгүй урьд өмнө болсон нэг гэмт хэрэг, "гэм буруугүй нэгний үхэл"-ийн талаар дурьджээ. Гэхдээ энэ бүхэн үнэн юм бол ийм олон хохирогч бүхий аллагыг үйлдэхэд хүргэсэн ямар гээчийн айхтар хэрэг гарсан юм бол?
Хариу нь тодорхойгүй өөр зүйлс Фостерын сонирхлыг татаж байлаа.
- Хортон Ровлигийн нас барсан тухай тодорхойлолтонд юу гэж тэмдэглэсэн байсан бэ?
- Нийтийн тээврийн унаанд дайруулсан.
- Гэмт үйлдэл байсан гэхээр сэжигтэй юм байгаагүй юу?
- Нас барсан тодорхойлолтонд лав тийм юм байгаагүй. Тэд мөрдлөг явуулсан боловч задлан шинжилгээний эмч осол гэж дүгнэсэн бололтой. 1909 оны хавтаст хэргүүдийг устгачихсан болохоор эрж сураглаад нэмэргүй. Задлан шинжилгээний эмч гэрчийн суудлаас өндийсний дараа ч юм уу эсвэл арван таван жил хадгалсны дараа архивт байгаа хавтаст хэргийг устгадаг байсан. Харин нийтийн тээврийн унаатай холбоотой ослуудын талаар сонинд нийтэлсэн байж магадгүй. Хэдхэн мөрөнд багтаасан мэдээнээс илүү зүйл олдохыг хэн байг гэхэв. Оролдоод үзэхэд гэмгүй гэж надад бодогдоод байна.
Фостер хариу хэлэхээ яарсангүй, хуудсыг авч гүйлгэн уншив.
- Энэ эмэгтэй үнэн юм ярьсан гэхээр баталгаа алга байна. Энэ хангалтгүй. Бид түүний хэлсэн зүйл үнэн гэдгийг батлах ёстой. Хэрвээ тэгж чадахгүй бол үүнийг нэг галзуу хүний хийрхэл гэж ойлгохоос өөр аргагүй. Чамд наана чинь өөр юу байна?
1950 онд цахилгаан гүйдлээр цохиулах эмчилгээ хийлгэхээр хүлээтэй хэвтэж байх үедээ Маргарет таазны ясаа бэртээж жирийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлжээ. 1952 онд эмч нар түүнд өөр эмчилгээ хийх шийдвэр гаргасан байна. Эмчилгээний рапортонд тэд өвчтөнд леикотоми эмчилгээ хийсэн гэж тэмдэглэжээ. Наижл ядарсан бололтой нүдний шилээ авч духаа илэв.
- Тэр чинь юу юм бэ? гэж Фостер асуулаа.
Энэ чухам юу болохыг Наижл сайн мэднэ. Тэр нэг удаа
үйлчлүүлэгчийнх нь ээж сэтгэцийн эмнэлэгт эмчилгээ гэж нэрлэгдсэн энэ аймшгийн туршилтанд орсон байсныг тэдний гэр бүлийн намтрыг судлах явцдаа олж мэджээ.
- Лоботоми.
- Есүс минь.
- Тэд нэг жижиг мөс хагалагч шиг багажийг нүдний зовхины доогуур шургуулан тархины хамгийн өмнө талын мэдрэлийн судлыг тасалдаг байсан. Тэд энэ ажилбарыг маш хурдан нүд ирмэхийн зуур хийдэг. Энэ эмчилгээг хийдэг зарим мэс засалчид өөрсдөөрөө их бахархдаг байсан гэнэ лээ.
- Энэ тэгээд юунд сайн байсан юм бэ?
- Чи мэдмээр байна уу? Хэрвээ тархины духны хэсгийг авчихвал хийрхэх нь багасах талтай гэж тэд боддог байжээ. Эмч нар нэг хэсэг энэ мэс ажилбарыг практикт их ашигладаг байсан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд их хэрэглэдэг байсан.
1954 онд мэс ажилбар амжилттай болсон гэж тэмдэглээд өвчтөний айдаст автах нь багассан гэжээ. Эмчлэгч эмч өвчтөнд мэс ажилбараас хойш торазин гэдэг эм бичиж өгсөн байна. Эмнэлгээс гаргах асуудлыг дахин сөхсөн боловч түүнийг дэргэдээ авах төрөл садан гараагүй бөгөөд удаан хугацаагаар эмнэлэгт байсан эмэгтэй өөрөө бие даан амьдрах чадваргүй учраас эмнэлэгт үлдээхээр шийджээ. Тэр цагаас хойш өвчний түүхийг бараг хөтлөхөө больж, хааяа товчхон тэмдэглэл бичдэг болжээ. 1959 онд тэр уушигны үрэвслээр өвдөж эмнэлэгт хэвтэж эмчлүүсэн ажээ. Дараа нь 1964 он хүртэл түүний өвчний явц, эмчилгээний талаар тэмдэглэсэн зүйл байсангүй. Эцэст нь тэр дайрлагад өртөж унан хүнд гэмтсэн тул эмнэлэгт хүргэгдсэн гэж хальт дурьдсан богинохон тэмдэглэл байлаа. Наижл түүнийг эмнэлэгт нас барсан гэж тэмдэглэсэн байсныг нас барагчдын тодорхойлолтоос олсон билээ.
Тэр хоёр хэсэгхэн зуур бодолдоо дарагдан сууцгаалаа. Хаанаас ч гарч ирж мэдэх аюулаас үхтлээ айж тогонд цохиулахаар биен дээрээ олон тооны электрод наалган
хүлээтэй хэвтэх тэр эмзэг залуухан охиныг Наижл дотроо дүрслэн боджээ. Түүний тархины бор гадаргыг харааны товгортой холбодог мэдрэлийн судсыг тасласны дараа хүчтэй эмээр мэдээ алдуулдаг байжээ. Магадгүй жинхэнээсээ нүүрлэж байсан аюулаас үүдэлтэй солиорлоос нь түүнийг ангижруулахын тулд энэ бүхнийг хийжээ. Биеийн байдал "сайжирсан" гэсэн дүгнэлтэнд эргэлзээд байх хэрэггүй юм. Наижл нүднийхээ өмнө өвчтөнгөөр дүүрэн нийтийн өрөөний буланд эргэн тойронд нь үглэж хашгирахыг ч анзаарахгүй, бяцxан хүүхэд шиг нугдайн суух ярих чадваргүй, мэдээ алдсан эмэгтэйг харах шиг болов. Эмчилгээ гэж нэрлэгдсэн тэр аймшигт тамлалын үр дүнд энэ эмэгтэй ядаж өөрийн туулж өнгөрүүлсэн аймшгийг ухаарч мэдрэхээ больсон гэдэгт нь Наижл найдаж байлаа.
Наижл Хортон Сара нарын хаанаас ирцгээсэн, энэ санааг нь мэдэгдэхүйц зовоогоод байгаа зээ охиндоо ярьсан тэр зүйл чухам юу болохыг мэдэж чадах болов уу гэж өөрөөсөө асуулаа. Тэр хүлээн авагчаар нэг удаа радио идэвхт бодисны хор хөнөөлийн тухай ярьж байсныг санав. Цөмийн дэлбэрэлтийн дараа газарт унасан тоосонцрууд салхины нөлөөгөөр дэгдэн борооны устай нийлэн эргэж буухдаа үзүүлэх хор нөлөө нь ихэсч, энэ нь олон жил өнгөрсний дараа ил тодорхой болдог.
Үр нөлөө нь өнгөрсөн цаг хугацаанд болсонтой яг адилхан. Эмээ нь нас барахдаа бүх нууцыг аваад явсан гэж Маргарет Ховеллын хэлж байсан шиг, яаж ч хичээсэн энэ асуудлын учрыг тайлж барахгүй бололтой.
Наижлын толгойд гэнэт нэг юм зурсxийн орж ирсэнд мөрдөгчийн гараас барьж авлаа. Гэнэт цочсон Фостер
- Яасан бэ? хэмээн уцаарлангуй асуув.
- Сара Хортон хоёрын зугтсан шалтгааныг хаанаас олохыг би мэдэх юм шиг байна.
- Хаанаас?
- Тэр Сара Ровлигийн булшинд байгаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:55 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited