#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.16.19 5:48 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.02.17 8:17 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
17



Наижлд ганцаархнаа ажлаа хийж суух сайхан байлаа. Фостер, Хадер хоёр сүүлийн хэдэн цагийн турш түүнтэй бараг юу ч яриагүй, бас ахлах мөрдөгч сонины хуудсыг эргүүлэхдээ чимээ их гаргаж, байнга санаа алдах нь түүнд их төвөгтэй байжээ. Одоо энд нам гүм, чимээгүй байгаа нь түүнд үнэхээр таатай байлаа. "Кенсингтоны жигшүүрт хэргүүд"-тэй холбоотой бүх үйл явдлыг нарийн тодруулахын тулд Наижлд тухайн жилд нийтлэгдсэн бүх материалыг уншиж үзсэн нь санагджээ. Тэгээд тэр бүх хэргийг нарийвчлан судлахаар шийдэж Дэлхийн мэдээ сонины бичил хальсыг авах хүсэлтээ гаргалаа.
Бичил хальснаас олон зүйл тодорхой болов. Яллагдагч хоёр метрээс ч илүү өндөр, аварга том биетэй байсан учхаас бусдаас их ялгарч харагддаг байжээ. Тэр үеийн хүмүүс одоогийн хүмүүсээс гучин сантиметрээр намхан байсан. Фэйрберн бусад хүмүүсийн нэгэн адил ажил хайж, олон газраар тэнэж явсаар сүүлд нь төмөр замын ажилд орсон бололтой. Хэвлэлийнхэн тэр олон газраар тэнүүчилдэг байсан гэсэн мэдээллийг тэр дор нь шүүрч түүнийг найдваргүй хүн болгож харуулахдаа ашиглажээ. Энэ нь түүнийг буруутгах бас нэг үндэслэл болсон байна. Усан онгоцны зогсоолд Фэйрбернтэй нэг жил орчим хамт ажиллаж байсан Ливерпулын нэгэн оршин суугч сонинд өгсөн ярилцлагадаа түүнийг хамт ажилладаг хүмүүстээ адлуулаж хөөгдсөн ч “тэр огт эсэргүүцэл үзүүлээгүй” гэж их л хорсолтой хэлжээ. Түүнтэй ойрхон амьдарч байсан хөршүүд энэ тухай илүү тодорхой мэдээлэл өгсөн байна. Фэйрберн өөрийгөө зовоож хүн амьтантай ярилцдаггүй, дандаа ганцаархнаа байдаг байжээ.
Нийтлэлд түүнийг ганцаардмал, гажигтай нэгэн байсан мэтээр харуулж уншигчдад эргэлзээ төрүүлэхийн тулд бүхий л зан чанарыг нь тодорхойлж бичсэн байлаа. Бас нэг дүргүй хүрмээр зүйл нь Дэлхийн Мэдээ сонин тэр ойр хавийн уушны газруудаар байнга сэлгүүцдэг гэсэн нэг их ач холбогдол өгөөд баймгүй мэдээллийг нийтлэл бүртээ дурьдаж, мөрдлөгийн ажлыг энэ тал руу хандуулах хэрэгтэй хэмээн онцолж бичжээ.
Тавдугаар сарын 5-нд "Үлэмж биет" хэмээн олны дунд нэрлэгдсэн Фэйрбернийг хүн амины хэрэгт сэжиглэн, Оулд Бэйлигийн шүүх танхимд дуудаж аваачсан байна. Тэр том алхлан яллагдагчийн суудал руу газар ширтсэн чигтээ очиж суужээ. Цаг үе сонины сурвалжлагч "Түүний нэрийг нь дурьдаж байхад ч, бас өөрийгөө буруугүй гэж хэлж байхдаа ч тэр муу ёр шүгэлсэн харцаа нэг ч удаа өргөж харуулсангүй" гэж бичсэн байлаа.
Арван есдүгээр зуунд гэмт хэргийг хурдан шуурхай шийдвэрлэдэг байсан учраас хоёр долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 19-нд шүүх хурал эхэлсэн байна. Шүүхийн танхим дүүрэн хүнтэй, сайн гэсэн бүх суудлыг баян чинээлэг хүмүүс худалдаж авчээ. Фэйрбернийг сандал дээр суух үед нам гүм байсан танхим орилоон хашгираанаар дүүрчээ. Танхимын урд хэсгээр ихэвчлэн баян тансаг хатагтай нар суусан байна. Тэд шүүн таслах ажиллагааг театрын тоглолттой адилтгаж үздэг байсан учраас энд ирэхдээ хамгийн сайн гэсэн малгай хувцсаа өмсөж, гоёл чимгээ зүүдэг байжээ. Танхимын агаар хэт халснаас амьсгал авахад ч бэрх бүгчим халуун болсон бөгөөд шүүхийн танхимд сууж буй тэдгээр хатагтай нар сэрүүцэхээр дэвүүрээ сэвэх зуураа сэжигтэнг үзэн ядсан, гайхсан харцаар харж байсныг нэг сурвалжлагч дүрсэлж бичжээ.
Хямдхан сандал дээр суусан хүмүүсийн дундаас "Чи дүүжлүүлнэ", "Түүнийг дүүжлүүрт аваач" гэж хашгирсан дөрвөн хүнийг танхимаас шууд хөөж гаргалаа. Нүглээ наминчлах мэт чимээгүй суух яллагдагч шүүх хурлын үеэр нэг ч удаа дээшээ харсангүй. Фэйрберн их турж эцсэн харагдах бөгөөд мөрөө унжуулан бөгтийж суусан тэрбээр нэг гар нь саажсан бололтой сул санжиж, үе үе цочив уу гэлтэй бүх бие нь хүчтэй овгосxийн хөдөлнө. "Энэхүү сул дорой, хөөрхийлөлтэй харагдах байдал түүнд оногдох ял шийтгэлд нөлөөлөх ёсгүй" хэмээн сурвалжлагч бодлоо бичсэн байлаа.
Шүүх Фэйрбернийг зөвхөн дундаа долоо хоногийн зайтай гарсан анхны болон гурав дахь хүн амины хэрэгт буруутгасан нь Наижлын гайхлыг ихэд төрүүлэв. Бусад гурван хэргийн хувьд нотлох баримт хангалтгүй байсан бололтой. Тэр үүнийг судалгааны ажилдаа хэрэглэхээр дэвтэртээ тэмдэглэж авлаа.
Улсын яллагч нь парламентын гишүүн, хатан хааны зөвлөх Ж. Дарт байжээ. Шүүгчийн талаар энд тодорхой дурьдаагүй байв. Шүүх хурлыг нээсний дараа улсын яллагч тангарагтны шүүгчдэд хандаж уг хэргийн талаар бичсэн зүйлсэд анхаарлаа хэт хандуулалгүй зөвхөн үнэн баримтад тулгуурлаж шийдвэрээ гаргахыг сануулснаа яллагдагч руу харж зогсоод танхимд байгаа хүмүүсийн анхаарлыг зориуд татахаар түүнийг хуруугаараа чичлэн
Хатан хааны шүүх тэнд зогсож буй Эке Фэйрбернийг Самуэл Рубак болон Леонард Чилдэ нарын амь насыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгаж байна
гэж хэлжээ. Дарт түүний дохио зангаа, хэлсэн үг хүмүүст хэрхэн нөлөөлхийг харахаар хэсэг хүлээж зогсов. Дахиад шуугиан дэгдэж танхимд цугларсан хүмүүсийн дундаас "Түүнийг дүүжлэ!" хэмээн хашгиралдсанд шүүгч хурлын журмыг дагаж мөрдөхийг сануулсан байна. Шүүх хурал үргэлжилж, Дарт ялын төлөвлөгөөгөө танилцуулав.
Гуравдугаар сарын 24-ний орой ноён Рубак урьдын адил цаг нөхцөөхөөр Кларендоны Өргөн чөлөөнд байдаг Кларендон хэмээх уушны газар луу явжээ. Гэрчийн мэдүүлснээр ноён Рубак тэнд бүтэн оройжин суухдаа хар пиво нилээд хүртжээ. Тэр ажилчин боловч долоо хоногийн ажил дуусч амралтын өдрүүд эхэлсэн байсан. Тиймээс бид ноён Рубакын гаргасан энэ араншинг шүүн хэлэлцэх шаардлагагүй. Үгүй, тэр одоо Эрлэгийн өмнө очсон учир биднээс илүү хатуу шүүхээр шүүгдэх болно. Тэр орой тийшээ нилээд согтсон боловч ухаанаа бүрэн алдчихаагүй байжээ. Рубак одоо яллагдагчийн суудалд сууж байгаа тэр этгээдтэй үл мэдэх шалтгаанаар үг сөрж маргалдсанаар хатагтай нарын дэргэд байдал улам хурцдах шинжтэй болсон учир тэр хоёрыг уушны газраас хөөж гаргасан байна. Хоёр эр тэр газрыг орхин гарснаас хойш...
Дарт нэг хэсэг дуугаа хурааж хашлаганы ард сууж буй тангарагтны шүүгчдын урдуур нааш цааш алхалсанаа буцаж байрандаа ирж зогсоод яриагаа үргэлжлүүлэн
...Рубак амьд эргэж ирээгүй!
хэмээн хэлснийг Цаг Үе сонинд тод томруунаар дүрсэлж бичжээ.
Тэрбээр энэ үгээ хэлснийхээ дараа танхимд сууж байгаа хүмүүст дахиж гүн сэтгэгдэл төрүүлэхийн тулд нэг хэсэг дуугаа хурааж зогсжээ. Дараа нь хоёр дахь хүн амины хэргийн хохирогч, 38 настай, төмрийн дархан, Леонард Чилдэгийн амийг бүрэлгэсэн хэрэгт төлөвлөсөн ялын төлөвлөгөөг танилцуулжээ. Чилдэ анхны хохирогчийн нэгэн адил хутгалуулахынхаа өмнө нилээд орой болсон хойно гэрт нь ойр байдаг уушны газарт юм уухаар очсон байна. Тэгтэл тэнд Фэйрберн бас л сууж байсан бөгөөд урьдын адил хохирогчийг өдөж хэрүүл хийжээ. Иймээс тэр хоёрыг бас л уушны газраас хөөж гаргасан байна. Нэхэмжлэгчийн тал яллагдагчийн гэрээс олдсон хутгаар хохирогчийн биед учруулсан шархыг үүсгэсэн гэдгийг гэрч нарын оролцоотой туршилтаар баталж үзүүлнэ гэж Дарт хэлжээ.
Дэлхийн Мэдээ сонинд ялын төлөвлөгөөг танилцуулж дуусах дөхөж байхад хоолой нь сөөсөн ноён Дарт бараг шивнэж байсан гэж тэмдэглэжээ.
Улсын яллагчийн үзэж байгаагаар яллагдагч нь уусан архиа шингээж чадахгүй, өрсөлдөгчтэйгөө эр хүн шиг нударга зөрүүлэхийн оронд хутгаа сугалж аз нь хаясан хөөрхий хоёр эрийг хэрцгийгээр хөнөөсөн ажээ. Үнэнч шударга христийн шашинтан бид уур хилэн шилний ёроолд гэдэг үгийг мэднэ. Харин бид яллагдагчийн зүрх сэтгэлд тэрнээс ч илүү их уур хилэн нуугддаг байсан эсэх талаар хэлэлцэж байна. Дүгнэж хэлэхэд түүний дотор хуримтлагдсан аймшигт үзэн ядалт, уур хилэн эдгээр итгэхэд ч бэрх жигшүүрт хэргийг үйлдэхэд хүргэсэн ажээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:56 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 8:35 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
18



Хадер гарт нь байгаа газрын зургийн хуулбарыг эргүүлж тойруулан харж байснаа
- Энэ газрын зургаар бол тэр гудамж энэ хавьд ойрхон байх ёстой гэж хэлэв. Гэнэт тэдний ард зогсож байсан машин дохиогоо хангинуулж тэд цочоолоо.
- Муу новш чинь хэмээн Фостер дуу алдав.
Машины арын толинд тэдний машин алгуур урагшилж байснаас болж уурлаж бухимдсан нэг хүргэлтийн цагаан машины жолооч жолоогоо балбаж харагдана.
- Тайвширч үз гэж Хадер Фостерт анхааруулав.
Уур нь хүрч бачимдсан Фостер хөмхийгөө зуулаа. Тэр машинаа замын хажууд тавьчихаад арын машинд байгаа хүй нэгдлийн хүнд цагдаагийн тэмдгээ харуулж байгаад нүдээ сайтар нээж харах хэрэгтэй гэдгийг ойлгуулахын тулд түүний арьсыг хуулмаар санагдав. Зам түгжрэх үед тэвчээр нь барагдсан нялх хүүхэд шиг аашилж эхэлдэг хүмүүсээр дүүрсэн Лондон хотын замууд Фостерыг бүр аль хэдийн цухалдуулаад байжээ. Түүнчлэн Харрис түүнийг туслах мөрдлөгийн ажилд хуваарилсан явдал өөрт нь их ичгүүртэй санагдсанаас үүдсэн уур бухимдал огт намдаагүй байжээ. Энэ бүхнээс ч болсон уу, тэр муу тэнэг жолоочид хамаг уур уцаараа гаргавал бага ч гэсэн тайвшрах юм шиг санагдана.
Санаа нь зовсон байртай өөрийг нь ажиглаж суугаа Хадерыг Фостер нүднийхээ булангаар хараад машинаа улам алгуур урагшлуулж, ингэснээрээ ард нь явж байгаа тэнэг жолоочийн цусны даралтыг ихэсгэж байгаа хэмээн бодоод бага зэрэг тайвширлаа. Хадерыг хэлж амжихаас өмнө тэр Куйнсдэйлийн Өргөн чөлөө рүү эргэх ёстойгоо санаад жолоогоо зүүн тийшээ огцом эргүүлэхэд арын жолооч дохиогоо дахиад чанга хангинуулав.
Тэд гудамжны төгсгөлд харагдах Хинди сүмийн урд машинаа тавиад буулаа. Хадер газрын зураг руу хараад
- Энд Бурхны Дайчид нийгэмлэгийн удирдах штаб байжээ гэж хэлэв.
Тэр хоёр Кенсингтоны захиргааны байрны архивын тасагт байдаг Дүүргийн түүхийн хэсэг рүү очиж 1879 оны гэмт хэрэг гарснаас хойш хэдэн жилийн дараа гаргасан нэг газрын зураг оллоо. Сундерсын Өргөн чөлөө одоо Куйнсдэйл хэмээн нэрлэгддэг Куйнсын Өргөн чөлөөний төгсгөлд байжээ. Тэд газрын зургийг хуулбарлаж аваад шууд тэр газар луу явцгаав.
Фостер Хадерын хамт эхлээд Сундерсын Өргөн чөлөөг тэмдэглэсэн газрын зураг руу, дараа нь тэр гудамжны одоо байвал зохих газар луу хараад
- Бурхан минь хэмээн өөрийн эрхгүй дуу алдлаа.
Хадер зам байх ёстой газрыг олсон боловч тэнд зам байсангүй. Одоо тэнд бор, шаргал өнгөөр алаглуулж будсан жараад оны хэв маягийн үлдэгдэл болох тэнгэр баганадсан цамхагт орон сууцны хоёр өндөр барилга сүндэрлэж харагдана. Хоёр барилгын зүүн талд урдаа Волксваген, БМВ маркийн машинууд зэрэгцүүлж тавьсан викториагийн үеийн саяас илүү үнэд хүрэх байшингууд эгнэсэн байлаа.
Харин гудамжны эсрэг талд шал өөр ертөнц. тэнд амьсгал давчдам уур амьсгалтай, газраас хол хөндий өргөгдсөн байшинд хүмүүс ядаргаатай хөршүүдээ тэвчин байж зэрэгцэж амьдардаг. Фостер бүх насаа нийслэл хотод өнгөруулсэн боловч амьдарч буй орчин нь тэнгэр газар шиг ялгаатай энэ газрууд яаж хаяа нийлэн оршиж байдгийг ойлгож чадсангүй. Тэр хоёр Сундерсын Өргөн чөлөө байсан газар буюу цамхагт орон сууцны ард хүрч очсны дараа Фостер
- Тэр новш мэл гайхсан байх даа гэж хэллээ.
Тэд гаднаасаа их л царай муутай харагдах барилгын гол хаалга руу очвол байшингаас хамар нь халтартсан хүүхдээ хөтөлсөн хар арьст эмэгтэй гарч ирээд тэднийг цагдаагийнхан гэдгийг шууд тааварласан бололтой сэжиглэсэн харцаар харлаа. Дүүргийн цагдаа нар зөвхөн шөнийн цагаар үзэгддэг ажээ. Анхаарал тавилгүй удсан бололтой бохир заваан харагдах үүдний танхимаас хлор, шивтрийн хурц үнэр холилдож үнэртэх боловч тэвчиж болмоор байлаа. Хадер цахилгаан шат руу хараад
- Энэ хорин дөрвөн давхар юм байна гэж хэлэв.
Хадер товчлуурыг дарах эсэхдээ эргэлзэхийг Фостер хараад дотроо талархах шиг болов. Нүднийх нь өмнө ямар гээчийн аймшигтай юм гарч ирэхийг тэр бодохыг ч хүссэнгүй. Тэгтэл шатны хаалга онгойж, тэндээс биеийн тамирын цагаан хувцастай, нүүрэн дээр нь батга шавсан, хулчгар байрын өсвөр насны хүү гарч ирлээ.
- Энэ байшинд хэдэн айл байдаг юм бэ? хэмээн Хадер хүүгээс асуухад царай нь хувьсxийлээ. Тэр хүүгээс ямар ч эргэлзээгүй татсан марихуаны үнэр ханхална.
- Зуу орчим байх аа, хатагтай гэж хүүг хариулахад
- Баярлалаа гэж хариу хэлээд Фостер мансуурсан хүүд дахиж анхаарлаа хандуулсангүй, хажуугаар нь зөрлөө.
- Алуурчин дараагийн хохирогчоо энд авчирч хаяхын тулд зуугаас ч илүү байж мэдэх энэ байрнуудын нэгийг ашиглах байх. Тэр энд одоо ч байж магадгүй гэж хэлснээ Фостер үгээ залруулж
- Тэд одоо ч энд байж магадгүй юм гэлээ.
Хадер толгой дохиод
- Энэ байрны бүх айлаар орж, бас орж гарч байгаа сэжигтэй хүн бүрийг шалгахаас өөр аргагүй гэж хэлэв.
Фостер хоёр гараа халаасандаа лавхан шургуулаад
- Эндээс эрүүгийн хэргээр шийтгүүлсэн хүмүүсийг олно гэвэл бүтэхгүй. Энд зөвхөн цэвэрлэгч, засварын ажилчид л цэвэр байж магадгүй гэж хэлснээ уруулаа мушийлгаж
- Алив явцгаая. Ажлаа эхлэхээс өмнө би утсаар ярих хэрэгтэй гэж нэмж хэллээ.
Тэр хоёр асаалттай орхисон машиндаа буцаж ирцгээв. Машины радиогоор хөгжим хангинасаар. Удаан дуудсны эцэст Дринквотер утсаа арайхийж авлаа. Тэрбээр нэрээ хэлэхэд дуу нь нэг л түгшсэн өнгөтэй сонсогдов.
- Би Фостер байна.
- Мөрдөгч өө, та шинэ мэдээ сонссон уу?
Дринквотер чихэн дээр нь бараг ориллоо.
- Ямар мэдээ?
- Бид нэг сэжигтэн баривчилсан. Арван таван минутын өмнө.
- Тэр хэн бэ? гэж асуухдаа Фостер хэрэгтэнг барьсанд баярлах ёстой юу, эсвэл түүнийг барьж чадаагүй өөртөө гомдох ёстой юу гэдгээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзэв.
- Одоогоор бүх зүйл тодорхой биш. Түүнийг Терри Кэйбл гэдэг. Шинж төрх нь аман зурагтай тохирч байгаа. Тэр хүн зодсон хэргээр шоронд сууж байжээ. Бас ГХБ хэрэглэж хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт холбогдсон ч сүүлд энэ хэргийг эргүүлж татсан гэнэ.
Тэгвэл тэр хэрэгтэн байж мэдэх юм гэж Фостер бодов.
- Таны ажил хэр урагштай байна? хэмээн Дринквотер асуулаа.
- Бид дараагийн хүн амины хэрэг гарах газрыг олсон, өөрөөр хэлбэл дараагийн цогцос олдох газар. Энэ бол Вэствэй хурдны замын дэргэд байдаг өндөр орон сууцны барилга. Би тусламж авч чадна гэж найдсан юмсан.
Дринквотер нэг хэсэг чимээгүй байснаа
- Энд одоо хүн бүр хөөрцөглөөд... гэтэл Фостер
- Орхиж үз, Энди. Би ойлгож байна. Энэ талаар надад дуулгаж байгаарай гэж хэлэв.
- Тэгье гэж хэлээд Дринквотер утсаа таслав.
- Юу болсон бэ? гэж Хадер сонирхож буйгаа нуулгүй асуув.
- Тэд нэг хүн барьсан гэнэ. Түүний хэлснийг бодоод үзвэл тэр хүн хэрэгтэн мөн юм шиг байна.
- Ээ ашгүй гээд Хадер алга ташснаа Фостер баярыг нь хуваалцахгүй байгааг анзаараад
- Чи үүнд итгэлтэй биш байна, тийм ээ? гэлээ.
Фостер мөрөө хавчаад
- Ямартай ч бидэнд одоо нэг сэжигтэн байна. Аштай юу гэж хэлсэн боловч " үгүй, би итгэхгүй байна" хэмээн дотроо боджээ.
- Алив хоёулаа явж кофе ууцгаая. Энэ байшингийн бүх хаалгыг татаж үзэхийн тулд бид хангалттай хүч чадал хуримтлуулах хэрэгтэй гэж хэлээд Фостер машиныхаа моторыг унтраав.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 2:58 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 8:42 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
19



Цаг нисэх мэт хурдан өнгөрчээ. Архивын ажилтан хагас онгойлгосон хаалганы завсраар толгойгоо цухуйлгаж Наижлаас хэрэгтэй юм байгаа эсэхийг асууснаа уучлалт хүсэж архивын газар хагас цагийн дараа хаах ёстойг мэдэгдлээ. Наижл тархиа сэргээхээр толгойгоо сэгсрээд цагаа харвал тэр хүн тоглоом хийгээгүй болохыг ойлгов. Цаг гурав хагас болж байлаа.
- Архив хаасны дараа намайг энд үлдэж ажиллахыг ахлах мөрдөгч Фостер зохицуулаагүй юм уу? гэж Наижл асуусанд архивын ажилтан харамсаж буйгаа илтгэж толгойгоо сэгсрэв.
- Үүнийг зохицуулаагүй бол би энд үлдэж болохгүй юу?
Нөгөө эр дүрэм журмаа баримтлах ёстой гэж хэлсэнд Наижл утсаа авч Фостер луу залгаж архив удахгүй хагас цагийн дараа хаах гэж байгааг мэдэгдэв.
- Чи наанаа хэр удаан байх хэрэгтэй юм бэ?
- Би одоо шүүх хурлын үйл явцын сүүлчийн өдөр дээр ирчихсэн байна. Тэд хэрэгтэнд ямар шийтгэл оноохоо шийдсэн гэж би бодож байна.
- За тэгвэл ажлаа үргэлжлүүлж хий. Чамд удаан суух шаардлага гарахгүй биз. Би харин чамд зөвхөн бидний хооронд үлдэх ёстой нэг нууцыг хэлчихье. Тэд нэг хүнийг сэжиглэж баривчилсан гэнэ.
Наижл Фостерын нэг адил баярлах ёстой юу, гомдох ёстой юу гэдгээ мэдсэнгүй.
- Гэхдээ бид мэдээлэл хайх ажлаа үргэлжлүүлнэ гэж Фостер хэлээд хэсэг дуугүй байснаа
- Сонсооч, чамайг наана чинь аль болох удаан үлдэж ажиллах талаар би ярилцъя. Харин чамд шинэ материал авчирч өгөх хүн байхгүй учраас чи одоо өөртөө байгааг л ашигла. Хэрэв чи тэндээс ямар нэг анхаарал татсан зүйл олбол хуулбарлаж аваад над руу шууд илгээ. Маргааш чи бидэнд дахиад хэрэг болох учраас шөнөжин сууж ажиллах гэсний хэрэггүй гэлээ.
Наижлд энэ л хангалттай байлаа. Шөнө орой болтол сууж магадгүй хэмээн санаа нь зовж байсан тэрбээр төлөвлөсөн ажлаа орхиж зөвхөн нийтлэлийн төгсгөлийг уншихаар шийдэв.
Шүүх хурал дөнгөж гуравхан хоног үргэлжилсэн ажээ. Улсын яллагч шүүх хурлыг нээж үг хэлсний дараа тэр эхний хоёр өдөрт зөвхөн боловсруулж бэлтгэсэн ялын төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Сүүлчийн өдрийн эхний хагасыг хэрэгтэнг өмгөөлөхөд зориулж ( хэрэгтний өөрийгөө өмгөөлөх эрхийг хасжээ), сүүлчийн хагасыг шүүгчид шийдвэрээ гаргахад зарцуулжээ. Шүүх хурлын эхний өдрүүдэд тоймгүй олон хүмүүс цугласан байсныг хоёр сонинд мэдээлснээс харахад гурав дахь өдөр ч мөн адил тийм байсан гэдэгт Наижл огт эргэлзсэнгүй.
Хэрэгтний өмгөөлөл хурдан болж өнгөрсөн бөгөөд өмгөөлөгч нь сэтгэгдэл төрүүлэхээргүй хэдэн сулбагар үгээр сэжигтэнг гэм буруугүй хэмээн нотлохыг оролдож, дараа нь яллагдагчтай хамт ажиллаж байсан нэг гэрч Фэйрбернийг зан сайтай, даруухан хүн гэж тодорхойлж хэлснээр дуусжээ. Энэ талаархи мэдээллийг сонины хэдхэн мөрөнд багтааж нийтэлсэн атлаа Фэйрбернийг архинд дуртай, догшин хэрцгий авиртай хэмээн нотолж хэрэгтний эсрэг мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдээллийг сонины хэд хэдэн нүүрийг дүүргэж бичсэн байлаа. Хэрэв сонинд өгүүлсэн бүх зүйлд итгэвэл шүүхийн шийдвэр ямар гарах нь ойлгомжтой ажээ.
Гурав дахь өдрийн орой танхимаас гарсан тангарагтны шүүгчид мөчийн дараа шийдвэрээ танилцуулахаар эргэж иржээ. Тэгтэл хурлын ерөнхий шүүгч ямар нэг тодорхой шалтгаан дурьдалгүй шүүхийн шийдвэр гаргахаа дараа өдрийн өглөө болтол хойшлуулжээ. Хөөрхий сэжигтний хувьд тэр нэгэн шөнө жинхэнэ там болж өнгөрсөн гэдгийг Наижл чин сэтгэлээсээ ойлгож байлаа. Маргааш өглөө нь шүүхийн танхим дахиад хөл тавих зайгүй пиг дүүрчээ. Хоёр сурвалжлагчийн нэг, Дэлхийн мэдээ сонины нэг хөөрүү дэвэргэн сурвалжлагч хурлын өмнөх түгшүүртэй мөчийг үг хайрлалгүй дүрсэлж бичсэн байлаа.

Бүх хүний харц яллагдагчийн суудал руу чиглэсэн ажээ. Шүүх хурал эхэлтэл бүтэн зуун өнгөрөх шиг санагдсан боловч гэнэт доод талд нэг хаалга онгойх чимээ гарав. Модон шатан дээр гарах хөлийн чимээ хувь заяаг нь хэрхэн шийдэхийг мэдэхээр ирж буй Фэйрбернийх ажээ. Хоригдлыг ил гарч ирэх үед үзэгчдийн суудалд суусан хүмүүсийн дунд хэн нэгэн санаа алдах нь сонсогдов. Энэ удаа, шүүх хурал эхэлсэн цагаас хойш анх удаа нэг ч хүн орилж шуугиан тарьсангүй, танхимд нэг хэсэгтээ чимээ аниргүй нам гүм байлаа. Яллагдагч урьдын адил газар ширтсээр орж ирснээ толгойгоо өргөж үзэгчдийн дунд нэг дор суусан хэвлэл мэдээллийнхний зүг харлаа. Хэлгүй юм шиг энэ эрийн нүдний харц сэтгэл зүрхэнд нь хуримтлагдсан асар их зовлон шаналгаагаа бидэнд тоочихыг хүсэх мэт харагдав. Гэвч харц нь тэр дороо өөрчлөгдөж тэрбээр урьдын адил муу ёрлон гөлөлзөх нүдээрээ өрөмдөх мэт цоо ширтэж байснаа дахиад л толгойгоо унжуулж газар шагайлаа.

Шүүх хурлын нарийн бичгийн дарга орж ирэхэд бүгдийн анхаарал сүүлчийн шийдвэрээ сонсгохоор эрхэмсэг ноён МакДугаллын эзлэн суух ёстой ерөнхий шүүгчийн сэнтий дээр төвлөрлөө. Танхимд ялаа ниссэн ч дуулдахаар нам гүм болов. Гэнэт энэхүү чимээ аниргүй байдлыг эвдсэн чанга уулга алдах дуу үзэгчдийн суудлаас хадлаа. Учир нь нарийн бичгийн дарга ерөнхий шүүгчийн суудлын урд хар малгай авчирч тавьсан ажээ. Би аймшигт төгсгөлийг нь зөгнөсөн сэтгэл сэртхийм энэхүү өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхээр яллагдагч руу харлаа. Гэвч тэр толгойгоо унжуулсан хэвээрээ бөгтийж суужээ. Магадгүй тэр удахгүй үхэх тавилантай биеийг нь хаях ёроолгүй ангалын тухай бодолд дарагдаж суусан биз.

Ерөнхий шүүгч шүүхийн танхимд орж ирэн суудлаа эзлэнгүүтээ тангарагтны шүүгчдийн тэргүүлэгчээс шийдвэрээ гаргасан эсэхийг лавлалаа. Тэргүүлэгч шийдвэр гаргаснаа батлахад шүүгч тэд ямар шийдвэр гарсныг нь асуусанд "Бид сэжигтнийг буруутай гэсэн зөвшилцөлд хүрлээ" гэж тэр хариулав. Хурлын нарийн бичгийн дарга заншил ёсоор яллаглагчаас цаазаар авах ял сонсгохын өмнө хэлэх үг байгаа эсэхийг асуулаа. Эцэст нь тэр том толгойгоо өргөхөд хурлын танхимд суугаа хүмүүсийн зарим нь уулга алдав. Фэйрберн ам нээж бараг сонсогдохгүй шахам уйтгар гуниг шингэсэн хоолойгоор "Би энэ хэргийг үйлдээгүй" гэж шивнэлээ. Шийтгэгдэх тавилантай тэр амьтны хэлсэн эцсийн үг ингээд дуусав.

Заншил ёсоор цаазын ялыг шүүхийн тогтоол гарснаас хойш гурав дахь ням гаригт гүйцэтгэхээр тогтжээ. Шүүх хурал шийдвэрээ гаргасны дараа хүмүүсийн сонирхол буурсан шинж огт ажиглагдсангүй. Дараагийн өдөр нь Цаг Үе сонин гол нийтлэлдээ шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа болон энэхүү ярвигтай хэргийн учрыг олж шийдвэр гаргахад үүргээ сайн биелүүлсэн шүүхэд талархаж буйгаа илэрхийлжээ.
Умард Кенсингтонд гарсан бас нэг аймшигт хүн амины хэргийн тухай нэг нийтлэл Наижлын анхаарлыг татлаа. "ЭР НӨХӨР НЬ ГЭР БҮЛИЙНХНЭЭ ХҮЙС ТЭМТЭРЧЭЭ" гэсэн гарчгийн доор Сэгар Кэллог гэгч этгээдийн тухай богино мэдээ нийтэлсэн байв. Тэр этгээд эхнэрийнхээ хоолойг хэрчиж, хоёр охиноо боомилон, хүүгээ хутгалж, дараа нь тэр хутгаараа өөрийнхөө амийг егүүтгэжээ. Нийтлэлд хүү амьд үлдсэн боловч маш хүнд шархтсан гэж бичсэн байлаа. Наижлд алуурчны овгийн нэр их сонирхолтой санагджээ. Энэ бол маш ховор тааралддаг нэр бөгөөд Эссекст амьдардаг байсан мал нядлагчдын эрхэлдэг ажлаас гаралтай овгийн нэр ажээ. Тэнд Жон хэмээх гахай нядалдаг хүнийг тэр үед байсан бас нэг Жоноос ялгахын тулд Жон Киллхог гэж нэрлэдэг болсон байна. Хэдэн зууны турш энэ овгийн нэр өөрчлөгдсөөр Кэллог болжээ. Яг тааруулсан юм шиг ийм нэртэй нэг эр гэр бүлийнхээ ихэнхийг хүйс тэмтэрсэн байдаг нь сонин л юм гэж Наижл бодлоо.
Дэлхийн мэдээ сонинд цаазын ял авсан Фэйрберний талаар хэд хэдэн нийтлэл бичжээ. Ялтан үйлдсэн хэргээ хүлээгээгүй нь олон нийтийг гайхшруулсан бололтой. Сонин сэтгүүлийнхэн ял шийтгэл авсан хүмүүс буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ нүглээ наминчилсан талаар тусгай дугаартаа нийтэлдэг байсныг Наижл мэддэг ажээ. Тусгай дугааруудад Фэйрберн бидний мэдэхгүй ямар нэг учир битүүлэг нууцыг хадгалсаар байгаа учраас сүнсээ аварч нүглээ наминчлахгүй байна гэсэн үзэл бодлууд давамгайлжээ. Өөр хэдэн сонинд шоронд ирж уулзсан хүмүүст тэр өөрийгөө буруугүй гэж нотолж байсан тухай нийтэлжээ. Фэйрберний биеэ хэрхэн авч байсан талаар нэг хэсэг нь түүнийг тайван амгалан байсан гэсэн бол нөгөө хэсэг нь түүнийг маш их гунигтай, эрүүл бус өвчтэй харагдаж байсан гэж тэмдэглэсэн байна. Дэлхийн мэдээ сонин түүнийг хэргээ хүлээхээс эрс татгалзсан тухай бичихээс бүр залхсан бололтой, цаазын ял гүйцэтгэхийн өмнөх ням гаригийн дугаартаа энэ талаар ганцxан догол мөрөнд бичжээ. Сонинд бас Мэс заслын Рояал Коллеж Фэйрберний цогцсыг шинжилгээ судалгааны ажилдаа ашиглах зорилгоор авах хүсэлтэй байгаагаа уг асуудлыг хариуцсан Дотоод хэргийн Яаманд уламжилсан тухай нийтэлсэн байлаа.
Фэйрбернийг дүүжлүүр лүү хүргэх замд тэр нэг хэсэг тээнэгэлзэх шиг болсон гэнэ. Тэр үед зандалчин гарнаас нь дугтарчээ. Фэйрберн тэнд байсан сурвалжлагчдын асуултанд хариулахыг хүссэн үү эсвэл өөрөө хэлэхийг хүссэн үү "Би энэ хэргийг үйлдээгүй" хэмээн хэлжээ. Нийтлэлд тэмдэглэснээр Фэйрберн хурдан үхсэн бөгөөд цогцсыг нь тогтсон заншил ёсоор дүүжлүүрийн гогцоонд дахиад нэг цаг өлгөөтэй байлгажээ. Цогцсыг буулгасны дараа Мэс Заслын Рояал Коллеж рүү хүргүүлэхээр авч явжээ.
Наижл олсон бүх материалаа цагдаагийн хүлээн авах өрөө рүү факсаар дамжуулчихаад гадагшаа гарахад аль хэдийн харуй бүрий болсон байлаа. Метроны буудал руу явах замд Наижлын толгойд шүүх хурлын явцад болон цаазын ял гүйцэтгэх үед тохиолдсон явдлууд эргэлдсээр байв. Ялын дээд хэмжээ авсан хүүхэд шиг сэтгэхүйтэй, ухаан хомс тэр эрийг Наижл яагаад ч юм их өрөвджээ. Тэр энэ талаар бүгдийг мэдэж авахыг хүсэж, хүлээж тэвчиж чадахгүй болсон байлаа. Тэрбээр цагаа харвал архивын газрууд аль хэдийн хаачихжээ. Өнөө орой тэр үлдсэн цагаа интернет ухаж өнгөрөөх бололтой. Эдгээр мартахын аргагүй хүн амины хэргүүд, тэдгээрийг шүүсэн шүүх хурлын явц, энэ бүгдээс гарсан бүх үр дагаварууд арай ардаа ул мөрөө үлдээсэн юм биш биз?
Шевертс Бушт дэх гэр лүүгээ харих замд энэ хэргийн учрыг олохсон гэсэн Наижлын хүсэл улам их оргилжээ. Фостероос дахиж юу ч сонсоогүй тэрбээр гайхаж байсан ч тэр одоо ажил ихтэй байгаа байлгүй гэж бодлоо. Тэд жинхэнэ алуурчныг барьсан гэж байгаа ч Наижлд энэ огт хамаагүй санагджээ. Тэр одоо зөвхөн өөрийнхөө хэрэгт дурладаг сониуч зангаараа 1879 онд болсон үйл явдлын бүх мэдээллийг олж мэдэхийг хүсжээ. Тэр гэртээ ороод гадуур хувцсаа ч тайлж завдалгүй компьютероо асаалаа. Өрөөнд гэрэлгүй шахам харанхуй байгааг ч анзааралгүй тэр компьютерынхоо урд сууж, интернэттэй холбогдож хайлтын цонхонд Фэйрберн гэсэн нэрийг оруулав.
Компьютерын дэлгэцэн дээр нийтдээ хоёр хуудсанд багтсан хoрин долоон хайлтын үр дүн гарч ирэв. Уул нь илүү ихийг хүсэн хүлээж байсан Наижлын урам хугарч бүхэл өдрийн турш олж уншсан, мэдэж авсан зүйлс нь мартагдаж алга болсон юм шиг санагджээ. Хайлтын үр дүнгийн ихэнх хэсэг нь Мэс заслын Рояал Коллеж дэх Анатомийн Музейн цахим хуудастай холбогдсон линк хуудсууд байлаа. Эхний линкийг нээвэл шүүх эмнэлгийн эмгэг анатомийн нотлох баримтууд, цаазаар хороосны дараа цогцсыг нь судалгаанд ашигласан хэрэгтнүүдийн араг яснаас бүрдсэн музейн үзмэрүүдийг танилцуулсан цахим хуудас байв. Үзмэрийн нэрсийн жагсаалтан дунд "алуурчин Эке Фэйрберн " хэмээн тэмдэглэснийг Наижл оллоо. Тэд Фэйрберний араг ясыг музей сонирхогчдод зориулж ил тавьсан байх нь ээ? Дараагийн линк үүнийг батлав. Музей өглөө эрт есөн цагт онгойдгийг тэр цагийн хуваариас мэдэж авлаа. Наижл гараа толгойныхоо ард салаавчлаад сандлынхаа түшлэгийг налж суулаа. Тэр маргааш Кенсингтоны Алуурчинтай нүүр тулж уулзахыг хүсжээ.


Фостер тайлсан хүрмээ хоолны ширээн дээр хаячихаад улаан дарс авч хундагандаа мэлтэлзтэл дүүрэн хийж авлаа. Хадер тэр хоёр бүтэн оройг цамхагт орон сууцны тавдугаар давхар хүртэлх айлуудаар орж өнгөрөөжээ. Байранд цагдаагийн газартай холбогдож байсан хорин айл байсан бөгөөд ааш муутай оршин суугчид тэр хоёр дээр сэжиглэсэн харцаа унагаж, өнгөрсөн өдрүүдэд энд анхаарал татмаар онцын ноцтой зүйл ажиглаагүй, бас байр хөлслөх шинэ хүн нэмж ирээгүй гэж хэлцгээжээ. Тэд хэдийгээр хэн нэгнийг харсан байлаа ч энэ талаар хамгийн сүүлд сонсох хүн нь тэр өөрөө гэдгийг Фостер мэдэж байсан. Маргааш мөрдөгч Ханыг энэ ажилд нэмж оролцуулхаар болсон ч бүх байрыг шалгаж дуусахад дөчин найман цаг зарцуулагдана. Тэгвэл тэд энэ ажлаа алуурчинг дөрөв дэх хохирогчоо авчирч хаяхаас дөнгөж өмнөхөн амжиж дуусгана гэсэн үг.
1879 онд алуурчныг таван хүн амины хэрэг үйлдсэний дараа барьж авсан бол Фостер харин гэмт хэрэгтнийг үйлдсэн гурван хэргийнх нь дараа буюу дахиж өөр хэрэг үйлдэхээс нь өмнө барьж авахыг хүсжээ. Тэр Барнесаас факсаар хүлээж авсан 1879 оны хэргийн тухай мэдээлэл бүхий сонины хуулбарууд хийсэн дугтуйг халааснаасаа гаргаж ирэв. Гэнэт тэр энэ бүхнээс залхаж аль дивангарт болж өнгөрсөн хэргүүдийн талаар дахиж уншина гэхээс дургүй нь хүрлээ. Фостер юуны өмнө мөрдлөгт өөрийн биеэр оролцож, нотлох баримтуудыг хамгийн түрүүнд өөрөө олж илрүүлхийг хүссэн билээ. Тэр Барнесын утас руу залган дуут шуудантай нь холбогдож маргааш өглөө түүнийг шүүх хурлын материалын эх хувь байгаа эсэхийг олж мэдээд өөртэй нь шууд холбогд хэмээн хэлж захиа үлдээв. Шүүх хурлын эх материалаас одоо гарч байгаа хэрэгтэй холбоотой ямар нэг баримтыг олох хэрэгтэй гэж Фостер боджээ.
Тэр сандлаас босож суниагаад зочдын өрөөнд орлоо. Байр нь түүнд өөрийн гэр орон шиг санагдахаа болиод аль хэдийн удаж байгаа билээ. Зөвхөн идэж ууж, унтаж амрахын тулд ирдэг газар шиг. Эцэг нь нас барснаас хойш буюу бараг найман жилийн өмнөөс Фостер ажлаас бусад зүйлсийг бүр гаргуунд нь хаяжээ.
Хэрэв эцэг минь амьд байсан бол энэ хэргийн талаар юу гэж хэлэх байсан бол гэж Фостер өөрөөсөө асуулаа. Түүнийг дөнгөж ахлах мөрдөгч болж байх үеэр эцэг нь тэтгэвэртээ суужээ. Фостер мөрдөж байгаа хэргийнхээ тухай эцэгтэйгээ ярилцаж, өөр ямар алхам хийж болохыг асууж сонирхон түүний санал бодлыг үргэлж сонсдог байжээ. Эцэг нь мөрдөж байсан хүнд бэрх хэргүүдээсээ жишээ авч эргэлзээтэй санагдсан зүйлийг хэзээ ч орхиж болохгүй гэж байнга анхааруулдаг байжээ. "Ихэнх алдаа юмыг бодитоор биш харин өөрийн хүссэнээр харснаас үүдэн гардаг". Фостер эдгээр үгсийг өдөр тутам мөрдлөг болгож ажилладаг билээ.
Эцэг нь нас барсны дараахан буюу эхний жилд Фостер түүний дууг үргэлж сонсдог байжээ. Тэр бодол дотроо эцэгтэйгээ ярилцаж, хамтдаа асуудлыг дүгнэж цэгнэн, шийдэж чадахгүй байгаа зүйлээ асуухад эцэг нь сурсан зангаараа товч тодорхой хариулт өгнө. Гэвч одоо ингэж ярилцах нь цөөрч, эцгийнх нь дуу хоолой түүний найз нөхөд, хамтрагчдын дуу хоолойтой холилдож сонсогддог болжээ. Өнгөрсөн бүх үйл явдал сэтгэл зүрхнээс нь улам бүр холдсоор. Фостер яг одоо түүнийг, түүний зөвлөлгөөг үгүйлж байлаа. Тэр эцгийнхээ тухай дурсамжийг сэргээж, түүний дуу хоолойг дахиж сонсож чадах болов уу?
Фостер бичгийн ширээ рүү очиж, хавтсыг нь нээлээ. Бүх зүйл орхисон чигтээ, хуучин байрандаа байлаа. Тэр энэ ширээг онгойлгож гэрэл зургуудыг олон удаа харсан боловч зөвхөн бэх уудаг цаас аваад хаачихдаг байжээ. Энэ удаа түүнд бүгдийг сайн нягталж хармаар санагджээ. Камбер Сандад ээжтэйгээ авахуулсан багын зургаа тэр харлаа. Тэр хоёрхон настай байсан болохоор энэ үеийг огт санадаггүй ажээ. Зурган дээрх хүмүүс түүнд үл таних хүмүүс шиг санагдана. Эцэг эх нь гэрэл зураг авахуулах сонирхолгүй байсан болохоор энд зөвхөн түүний төрсөн эгч Ивонне тэр хоёрын хэдхэн зураг л байдаг. Гэнэт санаанд нь нэгэн таагүй дурсамж орж ирлээ. Одоо эгч нь гэр бүлийнхээ хамт бөмбөрцгийн нөгөө талд амьдардаг.
Оршуулганаас хойш Фостер эгчийгээ дахиж хараагүй, түүнтэй дахиж ярилцаагүй. Эгч нь ганцxан түүний хийсэн зүйлд биш, харин урьдчилж мэдэгдэн өөртэй нь зөвлөж ярилцаагүйд уурлажээ. Гадаа аадар бороо шаагин орж байхад эгч нь толгойгоо хаялан сүмээс гарч явсныг тэр саналаа. "Хэзээ нэг цагт би чамайг уучилж мэдэх юм. Гэвч одоогийн байдлаар надад нилээд хугацаа хэрэгтэй юм шиг байна".
Фостер эгчтэйгээ холбоогоо сэргээх ёстой гэж мэдэж байгаа ч одоо болтол хойшлуулсаар байгаа ажээ. Хэдий чинээ хойшлуулна, төдий чинээ хэцүү болно. Ярилцаж байх үед эгч нь хэрхэн цухалдаж байсныг бодлоосоо авч хаях гэсэн мэт тэр толгойгоо сэгсрэв. Фостер элсэн дээр зогсож буй зургаа авахаар гараа сунгалаа. Гэвч Фостерт толгойноосоо сэгсрээд хаячихаж чаддаггүй нэг дурсамж байдаг.
Тамир тэнхээ нь барагдаж, ядарч доройтон цонхигор, эмзэгхэн болсон түүний эцэг. Орон дээрээ өөрийгөө тойруулж тавьсан дэрэн дунд сууж буй энэ хүн түүний хүүхэд байхаасаа мэддэг байсан булчин шөрмөс нь зангирсан өсгөлүүн том биетэй, тэсвэр хатуужилтай тэр хүнтэй огт адилгүй харагдана. Нойрондоо муудаж, хоол унданд дургүй болсон эцэг нь бодол санаагаа ил гаргаж ярилцахаа больж, сэтгэл хөдлөлөө нуух болжээ.
Фостер гэрэл зургаа байранд нь буцааж тавиад бичиг цаасаа онгичиж үзвэл төлж барагдуулсан төлбөрийн тооцооны хуудаснууд, цагдаагийн албаны оройн хүлээн авалтад урьсан урилга, өдөр тутмын мэдээлэл бүхий хэдэн захидал байлаа. Энд эцгийнх нь гэмээр зүйл нэг ч харагдсангүй.
Фостерын гар утас дуугарч бодлыг нь тасалдуулав.
- Дринквотер байна.
- Сонин юу байна?
Дринквотер ярих гэж яарсангүй, түр чимээгүй болов.
- Үгүй яахав, сонин гэхээр юмгүй дээ. Та хаана байна?
Залуу хамтрагч нь тээнэгэлзэхийг Фостер анзаарчээ.
- Гэртээ. Чи Терри Кэйблийн байцаалтанд гол дүр болж оролцов уу?
- Би тэнд түр зуур байсан.
- Чамд ямар сэтгэгдэл төрөв?
Энди дахиад дуугүй болсноо
- Шинж тэмдгүүд түүнтэй тохирч байгаа. Тэр урьд нь танхайн болон ялангуяа хүчингийн хэргээр шийтгэгдэж байжээ. Энэ Дамми Перригийн амийг хөнөөсөн хэрэгтэй тохирч байгаа гэлээ.
- Дамми Перригийн хэрэг бол хүчингийн хэрэг биш.
- Гэхдээ тэр эмэгтэйн хөхийг ярж ...
- Энэ бол бэлгийн харьцааны сэдэлт биш. Цааш нь үргэлжлүүл гэж Фостер хэллээ.
- Тэр ГХБ хэрэглэдэг нь батлагдсан. Бас Эллисийн цуснаас их хэмжээний ГХБ илрүүлсэн. Эндээс харвал таны зөв байжээ. Алуурчин түүнийг өнгөрсөн хугацаанд энэ бодисын нөлөөн дор хорьж байсан. Эцэст нь түүний зүрх дийлээгүй бололтой.
"Алуурчин түүнийг алахаас өмнө" гэж Фостер дотроо бодлоо.
- Тэр залуу ГХБ-г өөрөө хэрэглээд зогсохгүй өөр хүнд, ялангуяа эмэгтэйчүүдэд өгдөг байжээ. Бас Дарбиширийн цогцсыг хаясан орой Кэйблийн машиныг Ладброке Гровт харсан байна.
- Тэд мөрөө зөв олсон бололтой.
Гэвч Фостер эргэлзсээр байлаа. Хэрэв тэр залуу гурван хохирогчийн ундаанд үнэхээр ГХБ хийсэн юм бол гэрч нараар таниулах үед түүнийг хохирогчдын хамгийн сүүлд харагдсан уушны газруудын аль нэгэнд харагдсан гэж хэлэх байсан. Вилльямс болон түүний багийнхан энэ залууг кафед үйлчлүүлж байсан хүмүүсээр таниулж, зургийг нь баарны зөөгч нарт үзүүлсэн болов уу?
Дринквотер дахиад ам нээлээ.
- Гэхдээ...
- Гэхдээ? Гэхдээ юу гэж? Алив хэлж үз, Энди. Чамайг ямар нэг юм зовоогоод байгааг би мэдэж байна.
Дринквотер уртаар санаа алдах шиг болов.
- Кэйблийн гадна төрх аман зурагтай тохирч байгаа. Тэр ГХБ хэрэглэдэг, бидэнд бас түүнийг хүн амины хэрэг гарсан газрын ойролцоо харсан гэрч байгаа. Одоо энд хэрэг илэрсэн гэж үзээд сэжигтэнг үзэн ядсан хүмүүс түүнийг хорон үгээр дайрч бүдүүлэг авирлацгааж байна. Тэр залуу өөрт нь юу тохиолдоод байгааг ч гадарлахгүй, өөрийгөө хаацайлах гэж ч оролдохгүй, маш их айчихсан байна. Тэд түүнийг шалдаа буутал нь энэ дайралтаа үргэлжлүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. Үүнийг та ч гэсэн гадарлаж байгаа биз.
- Тэгээд энд чинь ямар асуудал байгаа юм? Хэрэв тэр үнэхээр гурван хүн алсан юм бол тэд ганцxан хумсыг нь сугалаад ч зогсохгүй аль дуртайгаа хийж болно шүү дээ.
- Гэхдээ та өөрөө хэргийн газар дээр байсан биз дээ? Бид тэндээс бараг юу ч олоогүй. Та энэ хэргийг үйлдсэн алуурчныг маш болгоомжтой, бас энэ хэргийг урьдчилж төлөвлөсөн байна гэсэн. Таныхаар бол цагдаа нэрийг нь дуудангуут зодуулсан аятай бөмбөгнөтөл чичирч байгаа ГХБ-д донтсон нэг муу амьтан алуурчин байж чадах уу?
Үгүй. Фостер Дринквотерын тайлбарт итгэж байлаа.
- Тэдний дунд өөр эргэлзэж байгаа хүн байна уу?
- Байхгүй хэмээн Дринквотер их л ноцтой хэллээ.
- Тэд оргилуун дарсаа хараахан задалж амжаагүй байна. Өнөөдөр түүний гэрийг нэгжих зөвшөөрөл хүлээж авсан. Нэгжлэгээс олигтой юм илрэхгүй байсан ч тэд түүнийг хэргээ хүлээнэ гэж бодоцгоож байна. Хэн нэг нь шидэт дохиураар дохиход л бид аль хэдийн хангалттай эд мөрийн баримттай болж, шүүх шийдвэрээ гаргахад бэлэн болно гэж тэд ярьцгааж байна.
Фостер Харрис руу очих тодорхой шалтгаан байхгүй гэдгээ сайн мэдэж байв. Түүнээс гадна тэр Дринквотерыг асуудалд оруулахыг хүссэнгүй. Хэрэв одоогийн нөхцөлд маргаан үүсгэвэл түүнд өөрт нь ашиггүй ажээ.
Нөхцөл байдлыг дүгнэж үзвэл алуурчин дөчин найман цагийн дотор дахиад нэг хэрэг үйлдэнэ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:01 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 9:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
20



Наижл ийм зүйлс хэзээ ч харж байсангүй. Тэдний дээж, сорьц хэмээн нэрлэдэг формальдегид дүүргэсэн шилэн саванд хийсэн эрхтэнүүдийг энд олон эгнээ болгон өрж тавьжээ.Тэрбээр асар их шингэн дотор хөвөх хүүхдийн бяцхан хөлийг сонирхсон, бас жийрхсэн харцаар харлаа. Хүүхэд цагаан цэцэг өвчнөөр нас баржээ. Энэ өвчнийг судлах зорилгоор хүүхдийн бяцxан биеийг нь задласан ажээ. Энэхүү аймшигт өвчний шалтгаан болсон вирусыг судлахаар хүүхдийг нь задалж шинжилснийг эцэг эх нь мэдсэн болов уу хэмээн Наижл өөрөөсөө асуулаа.
Дараа нь тэр сээр нуруутан амьтдын ургийг хийсэн шилэн савнуудыг олж харав. Энэ бүгд аймаар санагдсан ч өөрийн гэсэн өвөрмөц гоо үзэсгэлэнтэй харагдах ажээ . Олон давхар тавиур дээр эгнүүлж тавьсан зузаан шилэн сав бүхий эдгээр дээжис хар дарсан зүүдэнд л харагдаж мэдэх эмийн сан гэлтэй. Британы алдартай зураач, уран барималч нар онгодоо хаанаас олж авдаг байсныг тэр мэдэх шиг боллоо. Одоо түүнд нядалсан үхрийн махыг саванд нөөшилж хийх нь огтхон ч сонин санагдсангүй.
Наижл угаасаа Лондонгийн өнгөрсөн цаг үеийн нууцыг хадгалсан газруудаар очиж, тэндээс шинэ юм олж нээх бүртээ маш их баярладаг. Тэрбээр эргээд өнгөрсөн цаг үед оччихов уу гэлтэй эндэхийн уур амьсгал нэг л өөр ажээ. Энэ бол олон өвчний учир шалтгааныг олж нээсэн анагаах ухааны анхдагч нээлт, туршилтыг хийж байсан биднээс ангид, шал өөр ертөнц байлаа.
Энэ газар, ер нь энд байгаа бүх зүйл түүнд бишрэх сэтгэл төрүүлнэ. Энд хадгалагдаж байгаа хэдэн зуун жилийн настай хүний биеийн анатоми, мэс ажилбартай холбоотой эд өлгийн зүйлс, багаж үзмэрүүд орчин үеийн анагаах ухааны түүхэн хөгжлийн үе шатыг өгүүлэх ажээ. Энэ бүгдийг ганцxан Лондонд л олж харна хэмээн Наижл бодлоо. Түүх соёлын асар их баялагтай хуучны энэ хот л олон нийтэд үзүүлэхийн тулд эдгээр бэхжүүлдэг уусмал бүхий шилэн саванд хийсэн эхийн умай, нярай хүүхдийн мөч, бяцxан амьтдыг хадгалж чадна. Тэр эргэн тойрноо харвал энд байгаа хүмүүсийн ихэнх нь судалгаа хийхээр ирсэн анагаахын оюутнууд, бас урлагийн сургуулийнх бололтой зураг зурж буй хэдэн оюутан байлаа.
Тэр эртний анагаах ухааны зүүдэнд ормоор аймшигтай багаж хэрэгслүүдийг үзмэр болгож тавьсан тасагт бодож байснаас удаан байлаа. Мэдээ алдуулаагүй өвчтнийг энд байгаа багажуудаар огтолж зүсэж байгаа аймшигтай дүр зургийг Наижл нүдэндээ харах шиг болжээ. Тэр энд зэвэнд идэгдсэн хэдэн мэс заслын хутганууд (скальпел), хуванцраар хийсэн араг яснуудыг л олж харна гэж бодож байсан. Гэтэл харин түүний оронд Кронинбергийн кинонд гардаг шиг айдас хүрэм урлагийн бүтээлүүдийг голд нь шигтгэж суурилуулсан чимэглэл бүхий чимээ үл гарах хэдэн танхимаар орж үзжээ.
Энд зууны турш хадгалагдаж байгаа энэхүү элэг, зүрх, бөөрний эзэд чухам ямар хүмүүс байсан бол гэж Наижл өөрөөсөө асуув. Магадгүй арван наймдугаар зууны үед амьдарч байсан дэвшилтэт үзэлт мэс заслын эмч Жон Хантер хүүр хулгайлагчдаас авсан цогцосноос цуглуулж авсан биз. Тэдгээр хүмүүс булшнаас хулгайлсан хүүрээ эмнэлгийн факультетэд зарж мөнгө олдог байсныг тэр мэддэг ажээ. Цогцос шинэ байх тусмаа их үнэд хүрдэг байжээ.
Наижл орох хаалганы дэргэдээс авсан танилцуулгаа уншвал Фэйрберний араг яс дунд давхарт байгаа гэж бичжээ. Тэнд хүн цөөтэй, орчин үеийн анагаах ухааны хөгжлийн түүхийг дэлгэрэнгүй харуулсан олон үзмэрийг тавьсан байлаа. Танхимыг тойруулан гүйлгэж харсан Наижлын харц нэг шилэн хоргонд хийсэн араг ясан дээр тогтлоо. Тэр шилэн хоргонд дөхөж очоод Фостероос хэдэн сантиметр өндөр байж магадгүй нилээд том хүний шарлаж гандсан араг ясыг харав. Мөр болон цээжин хэсэг нь их өргөн, нүдний ухархай нь том, гүнзгий ажээ. Гавлын яс их л хорсолтой инээж байгаа мэт харагдана. Наижл явган сууж араг ясны хөлний харалдаа, хоргоны доод талд тогтоосон тайлбар бичгийг уншлаа.
Эке Фэйрберн, алуурчин. 1832 оноос Дотоод хэргийн Яам болон хохирогчдын ар гэрийнхний зөвшөөрлөөр цаазын ялаар шийтгүүлсэн алуурчдын цогцсыг шинжлэх ухааны шинжилгээ судалгааны ажилд ашигладаг болжээ. Тэр цагаас хойш тэдний араг ясыг музейд тавьж олон нийтэд харуулдаг болсон ажээ.
Наижл араг ясны баруун хөлний хянга яс болон эгэм дээр туршилтын үр дүн байж таарамгүй хугарлууд, бас цууралт байхыг олж харлаа. Магадгүй олон жилийн турш ил задгай байснаас хэврэгшсэн араг яс, нааш цааш зөөж байрнаас нь хөдөлгөх үед эвдэрсэн байж мэдэх л юм. Гэнэт тухайн үеийн сонинд Фэйрбернийг доголж байсан гэж бичсэн байсныг Наижл саналаа. Араг ясны хэлбэр хэвийн эрүүл бус, тухайн үед элбэг тохиолдож байсан рахит буюу сульдаа өвчний гол шинж тэмдэг болох ясны бүтцийн өөрчлөлттэй, ялангуяа энэ нь гарын шууны ясан дээр их тодорхой харагдаж байлаа.
Наижл Фостер луу залгах ёстойгоо санаад цаг руугаа харвал аль хэдийн арав хагас болчихсон байжээ.


Арав хагас болохоос арай өмнөхөн Фостер, Хадер хоёр нөгөө байрныхаа нилээд хэдэн айл бүхий бүхэл бүтэн хоёр давхрыг шалгаж дуусжээ. Ихэнх хүмүүс тэр хоёрыг дайсагнасан харцаар өрөмдөж тавьсан асуултанд нь их л дурамжхан хариулж байлаа. Хөрш айлынх нь залуу эр шөнийн дөрвөн цагт хөгжмөө чанга орилуулснаас хүүхэд нь сэрсэн гэж нэг эмэгтэй гомдол мэдүүллээ. Хөрш нь шөнө ажлаасаа ирээд тайвшрах гэж хөгжим сонссон гэж хариулаад эмэгтэйг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэлэв. Тэр хоёр хөршүүдийн хооронд хэрүүл уруул дэгдэхээс зайлсxийж толгой дохиж инээмсэглэхээс хэтэрсэнгүй. Тэд анхаарлын төвд байдаг айлуудыг нарийн шалгаж, эзэнгүй байруудыг тусад нь тэмдэглэж, шинээр ирсэн айлуудын бичиг баримтыг давхар шалгажээ. Бидний энд байгаа нь алуурчныг нуугдсан газраасаа гарч ирэхээс аргагүй болгож, тэр ямар нэг алдаа гаргана гэж Фостер боджээ.
Нийтийн танхимд нэвт шингэсэн шивтрийн үнэрээс би хэзээ салах бол хэмээн өөрөөсөө асуух мөчид Фостерын утсанд нь дуудлага ирлээ.
- Ингэхэд чи хаачдаг байна аа? гэж шуудхан асуухад мэгдэж сандарсан Наижл ээрэхийг тэр сонсов.
- Чамайг өнөө өглөө надтай утсаар шууд ярь гэж би хэлсэн. Гэтэл одоо арав хагас болж байна.
- Уучлаарай гэж удам судлаач амандаа бувтнаад
- Би музейд байсан юм гэж нэмж хэллээ.
- Яах гэж?
- Би 1879 оны алуурчныг олсон.
- Чи арай согтуу байгаа юм биш биз?
- Миний өнөө өглөө ирсэн музейд Эке Фэйрберний араг ясыг шилэн хоргонд хийсэн байна гэж би хэлэх гэсэн юм.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Түүнийг цаазаар авсны дараа цогцсыг нь анагаах ухааны шинжилгээ судалгаанд ашиглах зөвшөөрөл өгсөн. Шилэн хоргонд хадсан самбарт түүнийг алуурчин гэж бичсэн байна. Өөр мэдээлэл алга.
- Наадахыг чинь тэгээд олон нийтэд харуулахаар ил тавьчихсан байгаа юм уу?
Хэрэв Фэйрберний аллагыг дуурайж үйлдэж байгаа бол алуурчин мэдээж тэнд очсон байж таарна. Магадгүй бүр хэд хэдэн удаа. Музей рүү утасдаж тэнд тогтмол ирдэг хүн байсан эсэх, үзмэрийн танхимын камеруудын бичлэг байгаа эсэхийг асууж болох юм гэж Фостерт бодогдов.
- Сонс, Наижл! Би чиний явуулсан шүүх таслах хурлын сурвалжлагыг уншсан. Надад их сонирхолтой санагдсан. Гэхдээ би хурлын үеэр нотлох эд мөрийн баримтуудыг хэлэлцсэн тухай, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шүүгчийн эцсийн шийдвэрийг тэмдэглэсэн жинхэнэ эх баримтыг хармаар байна. Энэ мэдээллийг би хаанаас
олж чадах вэ?
- Үндэсний Архивт байгаа. Фэйрбернийг шүүн таслах хурал Оулд Бэйлид болсон, бас шүүх хурлын протокол хөтөлж тэмдэглэснийг бид мэднэ. Гэхдээ сонингуудад энэ талаар маш дэлгэрэнгүй...
- Би өөрийнхөө нүдээр энэ бүгд яаж өрнөснийг элдэв янзын үг нэмж хачирлаагүй, яг тэр хэвээр нь хармаар байна.
Тэд хэдэн цагийн дараа Үндэсний Архивт уулзахаар тохиролцов. Энэ хооронд Барнес Британы Номын санд очиж мэдээлэл хайж үзэхээр болжээ.
- Хүссэнээ л хий, харин цагаасаа хоцорч болохгүй шүү гэж Фостер хэллээ.


Гурван цагийн дараа Фостер Кью дэх Үндэсний Архивын газарт хүрч ирэв. Энэ бол гол хэсгийг нь шилэн ханаар хүрээлж барьсан, барзгар чулуун ханатай, өвөрмөц сонин шийдэл бүхий орчин үеийн барилга юм. Барилга орчин үеийн их сургуулийг санагдуулах боловч дотор нь харин оюутан гэхээс илүүтэй насанд хүрсэн том хүмүүс олон байлаа. Сэтгэл зүрхээ шинжилгээ судалгааныхаа ажилд зориулсан эдгээр хүмүүс шийдвэрлэж чадаагүй асуудлаа хэлэлцэж байна уу гэлтэй хэсэг бүлэг болон хоорондоо шивнэлдэн зогсож харагдана.
Фостер өөрийг нь хүлээж зогсох Наижлыг хүлээн авах лангууны дэргэд олж харлаа. Тэр хоёр цайны газар луу явцгаав. Тэнд олон хүн байлаа. Наижл Фэйрбернд хамаарах хэргийг шүүсэн Оулд Бэйлигийн шүүх хурлын протоколыг авах хүсэлт гаргаснаа Фостерт хэллээ. Одоо бүтэн нэг цаг хүлээх хэрэгтэй учир энэ хооронд Наижл түүнд олсон зүйлээ харуулахыг хүсжээ.
Тэр халааснаасаа хуулбар бололтой гурван хуудас гаргаж ирлээ. Дахиад сонины хуулбар биш шүү хэмээн бодсон Фостер Наижлын өгсөн цааснуудыг харвал энэ номноос буулгаж авсан хуулбар байв.
- Энэ юу вэ?
- Фэйрбернийг цаазлах ялыг гүйцэтгэсэн зандалчин Норвудын дурсамж. Бараг бүх зандалчин дурсамж бичиж үлдээдэг заншилтай байсан. Тэр үеийн хүмүүс бусдыг зугаацуулахын тулд тааж мэдэхийн аргагүй зүйлс хийдэг байсан. Ямартай ч түүний анхны цаазаар авсан хүн нь Фэйрберн байжээ. Түүний тухай зандалчин номондоо их дэлгэрэнгүй бичсэн байсан. Энэ хуулбар бол номын нэг хэсэг байгаа юм. Таны сонирхоод байгаа зүйл энд байж магадгүй.
Фостер номын хуулбарыг уншиж эхэллээ.

Миний бие шоронд хүрч ирэхэд хаалганы урд дүрэмт хувцас өмссөн шоронгийн нэг хянагч намайг хүлээгээд зогсож байлаа. Тэр миний нэрийг тэмдэглэж аваад шоронгийн даргад мэдэгдэхээр нэг урт гинжнээс угзарч татлаа. Хэдэн хормын дараа цэргийн алба хааж байсан болов уу гэмээр нямбай хувцасласан, нөхөрсөг зантай шоронгийн дарга өөрийн биеэр хүрч ирэв. Тэр надтай эелдэг дотноор ярилцлаа. Тэрбээр маргааш болох хэргээс өмнө өнөө орой намайг хоол сайн идэх хэрэгтэй гэж найрсгаар зөвлөв.
Дараа нь тэр намайг хянагчдын ахлагч дээр хүргэж өглөө. Ахлагч намайг очих ёстой газарт минь хүргэж өгөхөөр шоронгийн ард тал руу хамт явсан юм. Биднийг хэдэн хором тамхи татаж зогсох үед удахгүй энд болох хэргээс болж түүний сэтгэл их догдолсон байхыг би анзаарсан. Тэгтэл тэр Фэйрберний ялыг хэлтрүүлнэ гэж найдаж байсан нь талаар болж, хоригдлын хувь заяа ингэж эргэсэнд сэтгэл их дундуур байгаагаа надад хэлэв.
Намайг яагаад ингэж бодож байгааг нь асуухад
- Яагаад гэвэл ноёнтон, таны дүүжилж амийг нь хороох гэж байгаа энэ хүн буруугүй гэдэгт би итгэлтэй байгаа гэж тэр хариулсан.
Шүүхээс гаргасан шийдвэрийг дүгнэж цэгнэх нь миний хийх ажил биш болохоор би дуугүй байхаар шийдсэн. Миний хувьд зөвхөн ноогдсон ажлаа аль болох хурдан гүйцэтгэх л чухал байлаа. Би дүүжилж алах цаазын ялыг анх удаа гүйцэтгэх гэж байсан учраас миний хувьд бага зэрэг таагүй байсан гэдгийг би хүлээх хэрэгтэй.
Маргааш нь би өглөөний таван цагт бослоо. Өглөөний цай уух хүсэл огт төрөөгүй учраас би дүүжлүүр босгосон талбай руу эртхэн очиж бүх зүйл жин тан болсон эсэхийг мэдэхээр явсан. Намайг удахгүй хйиж гүйцэтгэх ялын гүйцэтгэлийн баримтыг бөглөж дууссаны дараа, найман цаг болоход нэг мөч дутуу байхад би оролцогчдын хамт ялтанг хүргэж ирсэн эмчийн байгаа газар луу буцаж очив. Ялтан хэдийгээр байдгаараа бөхийсөн байсан ч тэр маш өндөр хүн байлаа. Тэр огт дуугарсангүй.
Ялтан нэг ламын хамт нүглээ наминчилж залбирахад зориулж тусгайлан бэлтгэсэн өрөө рүү явлаа. Тэд буцаж ирэв. Үүргээ гүйцэтгэх цаг болжээ. Намайг Фэйрберн рүү дөхөж очиход тэр гунигтай бор нүдээрээ насан туршид минь хоногшиж үлдэх тийм нэг харцаар намайг ширтлээ. Яагаад тэгснээ ч мэдээгүй, нэг л мэдэхэд би түүний том мөрөн дээр зөөлөн алгадаж байсан.
- Зоригтой байгаарай хэмээн өөрийнхөө хэлэхийг би сонслоо. Тэр үед энэ үгийг би өөртөө л хэлсэн байх.
Фэйрберн өөрөө дүүжлүүрийн дор шууд очиж зогсоод удаан боловч тод дуугаар “Би буруугүй“ гэж хэлсэн. Түүний толгойд уут углаж байх үед миний гар учиргүй салгалан чичирч байж билээ. Би олсны гогцоог хүзүүнд нь углаад түүнийг тавцангийн нүх онгойдог хэсэг дээр зогссон эсэхийг шалгав. Аянга бууж цахилгаан цахих мэт бүгд хоромхон зуур болж ялтан нүхэнд уналаа.
Ялтанг үхсэн гэж баталсны дараа түүнийг дүүжлүүрт дахиад нэг цаг өлгөөтэй байлгах ёстой тул би тайвширч агаар амьсгалахаар гадаа гарсан юм. Тэнд нөгөө танил ахлагч маань тамхи татаад зогсож байлаа.
- Дуусчихсан уу? хэмээн түүнийг аяархан асуусанд би толгой дохив.
Тэгтэл түүний нүдэнд нулимс цийлэгнэж тэрбээр
- Бурхан биднийг өршөөх болтугай гэж хэлж билээ.
Бурхан минь, биднийгээ өршөөж хайрла.

Фостер уншиж дуусаад Наижл руу харлаа. Болсон үйл явдлыг тодорхой дүрсэлж бичсэн энэ баримт анхаарлыг нь маш их татжээ. Шоронгийн ахлагчийг ингэж аашлахад хүргэсэн ямар зүйл тохиолдсон юм бол? Гэхдээ ганцxан ахлагчаас өөр энэ хэрэгт эргэлзэж байсан хүмүүсийн тухай мэдээлэл энд байсангүй. Наижл цайны газрын хананд бэхэлсэн дэлгэц рүү харвал тэдний материал уншлагын зааланд хүргэгдсэн гэж мэдээлсэн байв. Тэд дээд давхар луу гарч лангуун дээр тавьсан том картон хайрцгийг авч ширээ рүү очлоо. Тэр хоёр хайрцгийг нээж харвал дотор нь мянгаас доошгүй хуудсыг үдэж хийсэн том ном байлаа. Наижл номыг хайрцагнаас болгоомжтой авч ширээн дээр тавив. Номын нүүрэн дээр "ОУЛД БЭЙЛИГИЙН ПРОТОКОЛУУД" гэж бичжээ.
Наижл номын хуудсыг хурдан эргүүлэнгээ
- Танд би нэг юмыг анхааруулж хэлэх хэрэгтэй гэж Фостерт хэлээд
- Номын хуудас хуурайшиж хатуурсан байгаа. Та энэ жижиг зааланд байгаа хамгаалалтын ажилтнаар гараа цохиулахыг хүсээгүй л бол хуудсыг эргүүлэхдээ хуруугаа норгож болохгүй гэлээ.
Тэр гэнэт хуудас эргүүлэхээ зогсож
- Өнөөх чинь энэ байна гэж хэлээд номыг Фостер луу түлхэв.
Хуудасны дээд талд хэргийн дугаар, он сар өдрийг, харин доохон талд нь Самуэл Рубак, Леонард Чилдэ нарын амь насыг санаатай бүрэлгэсэн хэрэгт яллагдаж буй Эке Фэйрберн гэж бичжээ. Ерөнхий шүүгчээр шүүгч МакДугалл оролцсон боловч шүүх хурлын ажиллагааг парламентын гишүүн, Хааны зөвлөх, ноён Жон.Ж.Дарт голчлонудирдсан байна. Эмгэнэлт жүжгийн хэсэг гэмээр Дартын хурал нээж хэлсэн үгийг уншиж байхдаа Фостер яаж ингэж дэлгэрэнгүй дүрсэлдэг байна аа гэж боджээ. Шүүгчид урьд нь ч гэсэн ажлаа хичээж хийдэг байсныг унших сонирхолтой ажээ. Гэвч тэр Дарт хэргийн талаар хэрхэн ярьсныг сонирхоогүй, харин өөр юм хайж байлаа.
Анхны гэрч нь Кларендон Армст зөөгчөөр ажилладаг Мэри Хэскет. Яллагдагч уушны газарт согтуу байхдаа Рубактай маргалдаж, улмаар тэндээс хөөгдөж гарсан гэж тэр мэдүүлжээ.
Дараагийн гэрч нь дүүргийн олон нийтийн эрх ашгийг хамгаалагч, олны дунд нэр хүндтэй, хувиараа бизнес эрхэлдэг Стаффорд Пиэрси гэгч байжээ. Гуравдугаар сарын 24-ний орой тэр оройн хоолны дараа цэвэр агаар амьсгалахаар зугаалж явжээ. Тэр Кларендон Армсын хажуугаар өнгөрч явахдаа уушны газраас ажлын хувцас өмссөн нэг эр гарч ирээд тамхи татахыг харсан байна. Пиэрси Холланд Паркыг чиглэн цааш алхжээ. Минутын дараа тэр уушны газрын гадаа зогсож байсан нөгөө эр лүү үзэн ядсан харцаар харан зогсож буй өөр нэг эрийн хажуугаар өнгөрсөн гэнэ. Тэр эрэгтэй бол энэ Фэйрберн байсан гэж Пиэрси гэрчилжээ. Өмгөөлөгч гэрчид сөрөг асуулт тавьж мэдүүлгийг нь няцаахыг оролдсон боловч, Пиэрси хэдийгээр тэр үед орой харуй бүрий болж байсан ч би Фэйрбернийг гудамжны бүдэг гэрэлд сайн харсан, бас уушны газраас гарч ирсэн хүний араас дагаж явахыг нь харсан гэжээ. Өмгөөлөгч гэрчийг цагдаагийн ажилтан нартай ямар харилцаатай байдаг, бас хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөгч Хенри Физерийг хэрхэн таньдаг болсныг асуухад улсын яллагч эсэргүүцэл үзүүлж, шүүгч түүнийг нь хүлээж авсан байна.
Хоёр дахь хүн амины хэргийг шүүн хэлэлцэх үед бас л эхний хэрэгтээ адил яллагдагчийг буруутай гэж нотлоход чиглэсэн байжээ. Уушны газрын ажилчид болон тэнд байнга ирдэг хүмүүс Фэйрбернийг үд хавиас эхлэн орой болтол ганцаараа ууж их согтсон, дараа нь хохирогчтой хэрүүл хийсэн гэсэн мэдүүлгүүд өгчээ. Фэйрбернийг энэ удаа хохирогчийн араас явахыг харсан гэрч байгаагүй ч тэрнээс илүү аюултай мэдүүлэг өгсөн дараагийн гэрч нь өмнө нэр нь дурьдагдаж байсан мөрдөгч Хенри Физер байжээ. Тэрбээр одоо шүүх танхимд байгаа энэ хутга бол яллагдагчийн гэрээс олдсон хутга мөн гэж баталжээ.
Өмгөөлөх үйл ажиллагаа Фостерын сонирхлыг маш их татлаа.
- Мөрдөгч Физер, Эдгээр хүн амины хэргүүд гарсан даруйдаа орон нутагт болон улсын хэмжээнд хэвлэгдэж гардаг сониныхны анхаарлыг маш их татсан гэдэг үнэн үү? Физер үүнийг баталжээ.
- Гол асуудал нь энэ хэргийн талаар тэд дэндүү хурдан мэдсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, хэргийг мөрдөх явцад мэдээлэл алдагдсан гэж ойлгож болно. Тийм биш гэж үү?
Улсын яллагч мэдүүлэгтэй холбоогүй асуулт байна гэж эсэргүүцэхэд шүүгч өмгөөлөгчид асуултаа үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ.
- Миний анхаарлыг нэг зүйл татаад байна, милорд. Тав дахь хохирогч олдсон тэр өдрийн сонинд цагдаагийнхан энэ хэргийг нэн даруй илрүүлэх ёстой гэсэн шүүмжлэл нийтлэгдсэний дараахан гэнэт энэ хутга олдож бүх юм нааштайгаар эргэсэн нь нэг юм бодоход хүргэж байна.
Улсын яллагч дахин эсэргүүцэл үзүүлэхэд энэ удаа шүүгч эсэргүүцлийг хүлээж авчээ. Хурлын протоколоос өмгөөлөгчийн дүгнэлтийг хассан бөгөөд хурлыг тэргүүлж байсан ерөнхий шүүгчийг үг хэлсний дараа тангарагтны шүүгчид нүүрээ буруулцгаажээ. Энд өөр тайлбар бичиж үлдээгээгүй байлаа. Улсын яллагч баримт нотолгоогоо хамгаалж үлдсэнээр өмгөөллийн талынхны оролдлого хүчгүйдсэн байна. Тэд нарт Фэйрбернийг зан төрхийн хувьд төлөв даруу гэж баталсан ганцxан гэрч байжээ. Өмгөөллийн талынхан өмгөөлж буй сэжигтэн нь хилсээр буруутгагдаж байгааг баталж, хэргийг дахиж шалгахыг санал болгоогүй байна.
Ерөнхий шүүгч хэргийг товч дүгнэж үг хэлжээ.
- Эцсийн шийдвэр гаргахын өмнө өмгөөллийн тал цагдаагийн мөрдөлтийг, ялангуяа олон нийтийн дунд нэр хүндтэй, орон нутгийн зөвлөлд хүндтэй үүрэг хүлээсэн ноён Стаффорд Пиерсиг үндэслэлгүйгээр сэжиглэж байгаад анхаарлаа хандуулахгүй байгаасай гэж би хүсэж байна. Улсын яллагч баримт нотолгоогоо хамгаалахад гэрчийн мэдүүлгийг үнэн зөв гэдэгт итгэлтэй байх нь маш чухал ач холбогдолтой.
Түүнчлэн, өмгөөллийн талынхан цагдаагийнхны олсон гол эд мөрийн баримт болох хутгыг ноён Фэйрберний гэрт санаатайгаар тавьсан гэж үзсэнийг үндэслэлгүй гэж би хэлмээр байна. Бидэнд одоо ялтны суудал дээр сууж байгаа хоригдлын өмч болох хутгыг олсон, уг хэргийг гардан ажиллаж байсан мөрдөгч байна. Бас би мөрдөгч Физерийг өөрийгөө буруутан болгох хуурамч эд мөрийн баримт гаргаж ирсэн гэх нотолгоог олж харахгүй байна. Би түүнтэй энэ шүүхийн танхимд бараг арван жил учирч байгаа бөгөөд түүнийг хуулиа хүндэтгэж үздэг шударга хүн гэдгээс өөрөөр харж байгаагүй.
Иймэрхүү удирдлагын дор болж байгаа шүүх хурал зөвхөн хэлбэрдэх төдийхнөөр өнгөрөх нь ойлгомжтой. Шүүгчийг үг хэлж дууссаны дараа өмгөөллийн талынхан бас нэг удаа богино хугацаагаар өмгөөллийн эрх авч сэжигтний ой ухааны чадамж арван настай хүүхэдтэй адил гэсэн нотолгоог үзүүлж, тэр хэрэг хийх үедээ өөрийн ухаантай байгаагүй тул оногдох ялыг хөнгөрүүлж өршөөл үзүүлэхийг хүсжээ. Гэвч шүүгч нотлох баримтыг хүлээж аваагүй байна.
Фостер бүгдийг уншиж дууслаа. Тэр номын хуулбарыг уншиж байхдаа бүх анхаарлаа төвлөрүүлсэн байсан тул Наижл энэ хооронд дахиад хэдэн материал авчирсныг анзаарсангүй. Фостерыг толгойгоо өндийлгөхөд Наижл хамар дор нь бас нэг цаас тавилаа. Энэ Эке Фэйрбернд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт ажээ. Цаасны дээд талд Фэйрберний нэр, насыг бичжээ. Задлан шинжилгээг Ньюгэйтийн шоронд хийсэн байлаа. Нас барагчийг хоёр метр зургаан сантиметр өндөр, ерэн килограмм жинтэй, эцэж тураагүй гэж тодорхойлжээ. Бас нас бараад нэг цаг болсон, хүзүүний эргэн тойронд гүн шигдсэн олсны ором, ормон дээр шахагдаж хавчигдсан шинж тэмдэгтэй, амны орчим хөөс, цус илэрсэн, хэл гадагшаа унжсан, уруул, чих, хумснууд нь хөхөрсөн гэж бичсэн байлаа. Фостер урьд нь боомилуулж үхсэн хохирогчдын цогцос дээр ийм шинж тэмдгүүдийг харж байжээ. Тэр бас дотуур үзлэгийн дүгнэлтийг уншлаа. Нас барагчийн хүзүүний нугалмууд хугараагүй байжээ.
- 1879 онд тэд хүмүүсийг дүүжлэхдээ хэр сайн байсан юм бол? гэж тэр Наижлаас асуулаа.
- Янз бүр. Өндрөөс унагах арга дөнгөж нэвтэрч байсан. Хүзүү заримдаа хугардаг, заримдаа үгүй. "Баббакомбе" Жон Ли гэдэг нэг залуу 1885 онд шүүхийн тогтоолоор гурван удаа дүүжлүүлээд амьд гарч байсан.
Фостер маш их ядарч байсан ч нүүрээ илээд цаасыг үргэлжлүүлж уншлаа. Үхлийн шалтгаан нь боомилогдсон. Энэ хүн буруугүй байж дүүжлүүлсэн байж магадгүй юм. Дээр нь нуруу нугас нь бүтэн байснаас харвал хөөрхий тэнүүлч эр шууд үхээгүй, харин биеийн жин болон хүзүүн дэх олс хоёртоо боомилуулжээ. Тэрхүү аймшигт үзэгдэл хэд секунд биш, харин хэдэн минутын турш үргэлжилсэн гэдэг нь ойлгомжтой. Тэр үед ийм аргаар цаазлуулсан хүмүүс амьсгал хураатлаа удаан тарчилж байсан гэдгийг Фостер ойлгожээ. Харин Фэйрбернийг буруутай хэмээн ойлгосон хүмүүсийн дунд түүнийг ингэж зовж тарчилж үхнэ гэдэгт санаа зовсон хүн цөөхөн байсан бололтой.
Гэвч Фостерын илрүүлсэн бас нэг зүйл шууд ойлгоход их хэцүү ажээ. Эмгэг судлаачид задлан шинжилгээний дүгнэлтэндээ нийт зургаан ясны хугарал олсноо бичиж үлдээсэн байлаа: баруун хөлийн шилбэний хянга болон нарийн яс, баруун шагай, баруун гарын шуу, баруун эгэм, нэг хавирга, эрүүний яс. Ийм гэмтэлтэй хүн шүүх хурлын танхимд орохын тулд ганцаараа шатаар өгсөж гарах боломжгүй. Сэжигтэн эдгээр гэмтлийг долоогоос найман долоо хоногийн өмнө, мөрдлөгийн дараагийн шатны үйл явцыг хүлээж байх үедээ олсон байжээ.
Фостер гэнэт цагдаа нар түүнд энэ хэргийг тулгах гэж оролдсон юм байна гэдгийг ойлголоо. Олсон гэмтлээс харахад тэд харайдаг тавцан дээр үсэрч цовхчих аятай түүнийг хэдэн цагийн турш зодсон нь ойлгомжтой байв. Фэйрнберн ялтны суудалд яаж хүрч чадсан юм бол? Тэр тэсвэрлэхийн аргагүй өвдөлт, зовлон шаналлаа бусдад мэдэгдэхгүйн тулд хүнээс гарамгүй их хүч гаргасан байх даа. Мөн энэ эвдэрч хэмхэрсэн хөөрхий хүнийг нуруу цэх зогсохыг шаардаж...
Түүх түүний өмнө босож ирлээ. Фостер хэрэг хийгээгүй боловч хилс хэрэг хүлээлгэх гэсэн цагдаа нарт санаанд оромгүй аймшигтай аргаар зодуулсан жаахан хүүхэд шиг сэтгэхүйтэй дуу үл гаргах том эр хүнийг нүднийхээ өмнө харах шиг болов. Эцэст нь цагдаа нар түүнийг доор нь харагдах хэдий ч дахиж хэзээ ч гишгэж чадахгүй болсон хатуу газрыг хоёр хөлөөрөө өөрийн эрхгүй хайж тэмтчин, дүүжлүүлсэн олсондоо тийчигнэсээр боомилуулж үхэхэд хүргэжээ. Уурандаа шатах шахсан Фостер хоёр нударгаа тас зангидсан харагдана. Тэр мэргэжил нэгтнүүдийнхээ хийсэн үйлдлээс ичиж үхэх шахаж байлаа.
Яг тэр мөчид алуурчин чухам юу хийж байгаа нь түүнд тодорхой боллоо.
- Би үүнийг урьд нь харж байсан.
Наижлын ингэж хэлэхийг Фостер сонссон ч тэрбээр эргэж төрхөндөө ортол хэсэг хугацаа шаардагдав.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Би яг юу болсон талаар яриагүй байна.
- Тэгээд юу юм бэ? гэж Фостер гайхшран асуулаа.
Нүдээ ч цавчлахгүй, гараа бага зэрэг савчуулж зогсох Наижл ямар нэг сүнсэнд эзэмдүүлчихсэн мэт харагдана.
- Өнгөрсөн зүйлс бүр мөсөн арилж алга болдоггүй, тэд бидний дэргэд үргэлж байдаг. Ихэнх хүмүүс энэ талаар ойлгож мэдэхийг хүсэхгүй үгүйсгэдэг ч тэд энд байсаар байдаг. Энэ хэргийг хар л даа. 1879 онд маш том алдаа гарсан гэдэг нь надад ойлгомжтой байна, танд ч гэсэн ингэж санагдсан гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүс энэ хэргийг мартсан, эсвэл шүүх энэ хэргийг эрхийнхээ дагуу шийдсэн гэж үзэн мартах гэж оролдсон. Гэвч энэ одоо “Даравч дардайна, булавч бултайна” гэдэг үгийг бидэнд санагдуулж байна.
Гэнэт үргэлж сүр жавхлантай төгс харагддаг эцэг нь сүүлчийн хэдхэн долоо хоногт сэтгэлээр унасан, эмзэг нэгэн болж хувирсан нь Фостерын санаанд орж ирлээ.
Наижл яриагаа үргэлжлүүлэв.
- Өнгөрсөн үе булшлагдаж үгүй болдоггүй, тэр түүхэнд хадгалагдаж үлддэг. Хөлгүй далайд живж үхсэн хүн эрэг дээр хаягдаж гарах хүртэл бүтэн зуун ч өнгөрч мэднэ. Хэзээ, хаана гэдгийг хэн ч мэдэхгүй. Жинхэнэ үнэн гэвэл, далай өөрийнхөө залгисан хүнийг заавал буцааж өгдөг. Эцэст нь 1879 онд болсон үйл явдал зуун хорин таван жилийн дараа шангаа хүртээж байх шиг байна.


Цамхагт орон сууц руу очиж ажлаа үргэлжлүүлэхээр том том алхан гарч яваа Фостерын араас Наижл харж суулаа. Наижлын хэлсэн үг Фостерын сэтгэлийн шархыг хөндсөн бололтой тэрбээр ярианы туршид дуугаа хурааж газар ширтэж сууснаа ширээгээ алгадан босжээ. Фостер гарч явахаасаа өмнө Наижлд Эке Фэйрберний үр удмыг эрж олох үүрэг өгчээ. Энэхүү эрийг итгэхэд ч бэрх өчүүхэн эд мөрийн баримтанд тулгуурлан гүтгэж, хилсээр буруутган дүүжилжээ. Өвөг эцгийг нь хилсээр хэлмэгдүүлж алсны төлөөсийг хэн нэгэн эргүүлж авч байгаа юм болов уу?
Наижл уншлагын танхимаас гарлаа. Үдийн үеэр Дэйв Дакворт эргэн тойронд нь байнга эргэлдээд байгааг тэр анзаарчээ. Түүнийг толгойгоо өндийлгөх бүрт Дакворт эргээд явчихна. Тэр өөрийг нь ажигласан гэдгийг мэдсэн бололтой. Наижл хүн амын тооллогын баримт хадгалдаг компьютерын эгнээ рүү очиж, нэгнийх нь урд суутал нэг хүний гар мөрөнд нь хүрэв.
- Найз чинь юу хийдэг хүн бэ?
Тэр эргэж харвал ард нь Дакворт зогсож байлаа.
- Би ажилтай байна.
- Хувийн үйлчлүүлэгч үү?
- Нэг тиймэрхүү.
- Гэхдээ тэр мөрдөгчтэй адилхан харагдсан.
Наижл Даквортод юу ч хэлсэнгүй.
- Чи цагдаагийн хамгаалалтанд орсон юм биш биз?
Дакворт надаас яг юу хүссэн юм бол?
- Магадгүй чиний толгойг цустах нэг юм болох гээд байгаа ч юм бил үү...
Түүний тослог уруул дээр инээмсэглэл тодорлоо.
- ...магадгүй түүхийн ангийн царайлаг оюутны гэр бүлийнхнээс...
Наижл сандлаа арагш нь огцом түлхэж босов.
- Чи Гэйри Кенттэй уулзжээ, тийм үү?
Дакворт айсан мэт жүжиглэн арагшаа ухарч ийш тийш хэсүүчлэн харснаа гараа өргөөд
- Тайвширч үз. Кент надад их сургууль дээр чиний хүүхнүүдтэй орооцолдсон талаар хэлсэн. Чамайг ийм хүн байсан гэж огт бодож байсангүй шүү гэлээ.
- Ямар хүн гэж, Дэйв? Тэр оюутан чинь надаас хоёр насаар дүү, хорин естэй, нас бие гүйцсэн эмэгтэй байсан. Насанд хүрсэн эмэгтэй гэж байна. Намайг охидын араас гүйдэг шар сэмжилсэн новш болгоод байхгүй шүү. Одоо эндээс зайлж үз. Найз гээд байгаа тэр новшийн Кентдээ чөтгөр лүүгээ тонил гэж хэлээрэй.
Тэр хэзээ ч гаргаж байгаагүй чанга дуунаасаа өөрөө ч цоччихов. Ойрхон суусан хүмүүс дэлгэц рүүгээ харахаа болиод тэр хоёрыг байлаа. Хамгаалалтын нэг ажилтан хүрч ирээд Наижлд хандан
- Танаас чанга ярихгүй байхыг хүсч болохсон болов уу, ноёнтон? Бас хэлэх үгэндээ анхаарна уу? гэж хэллээ.
Наижл Даквортыг цоо ширтсэн хэвээрээ хамгаалалтын ажилтан руу толгой дохив. Тэгээд атгасан гараа суллаад эргэж суухад Дакворт бас сандал авч дэргэд нь суулаа.
- Дэйв, би архиваас хэзээ ч хөөгдөж байгаагүй. Харин одоо нүүрэн дундуур чинь татчихаад хөөгдөхөд болохгүй гэх юм алга гэж тэр шивнэлээ.
Урьд нь тэр хэнийг ч зодож байгаагүй ч энэ удаа тэр яахаас ч буцахгүй болжээ.
- Намайг уучлаарай гэж Дакворт хэллээ.
- Би арай л хэтэрчихжээ. Аливаа юмны давс хужрыг тааруулж чаддаггүйг синь чи сайн мэднэ шүү дээ. Бид хамтдаа хэвлэлийнхнээс хэдэн юм зулгааж чадна гэж бодсоноос л боллоо. Цагдаа нар нэг хүнийг урьдчилж хорьсон гэж Кент хэлсэн. Би Кентэд Терри Кэйблийн мэдээллийг олж өгнө гэж амласан болохоор түүний гэр бүлийг хайж байгаа юм. Тэр Кэйблийн туулж өнгөрүүлсэн хүндхэн амьдралын талаар олж мэдээд яагаад алуурчин болсон шалтгааныг нь олох гээд зав зайгүй хөөцөлдөж байгаа. Кэйблийг энэ хэрэгт буруутгаж саатуулан хорих гэж байгаа талаар тэр баттай мэдээ олсон.
- Би энэ тухай сонссон гэж Наижл худлаа хэллээ.
- Хамгийн гол нь юу гээч? Кент энэ хэргийн түүхэн учир шалтгаан нь юу вэ гэдгийг мэдэж авмаар байна гэсэн. Чамайг яагаад энэ хэрэгт татаж оролцуулсан юм бэ? Энэ хэрэгт гэр бүлийн түүх намтар ямар холбоотой юм бэ? Энэ сэдвийг тусад нь сурвалжлага болгож... Ер нь бол би хөлс нь тийм ч муугүй байх болно гэж хэлэх гэсэн юм.
Наижл толгойгоо алгуурхан сэгсэрлээ.
- Үгүй ядаж л чи Кенттэй нэг завинд суухгүй юм бол тэр ийм юмны төлөө төрсөн охиноо худалдахаас ч буцдаггүй мэдээлэл тараагчдыг хоргоож явах байсан биз.
Наижл ажлаа үргэлжлүүлж хиймээр байлаа. Хэрэв тэр одоо Даквортод уурлавал эндээс хөөгдөж гарна. Тэгвэл тэр ГБТ рүү явахаас өөр аргагүй болно. Лондон хотын дундуур метрогоор явж очих гэсээр байтал түүнд ажлаа хийх цаг бараг үлдэхгүй биз.
- Би үүнийг чинь сонирхохгүй байна гэж чамд тодорхой хэлсэн, Дэйв. Намайг тайван орхиж үзээч. Чамд ч гэсэн ямар нэг нэр алдартай хүмүүсийн өвөг дээдсийн талаар ухаж төнхөх хэрэг байгаа байлгүй.
Дакворт Наижлтай тохирч чадаагүйдээ харамссан мэт толгойгоо сэгсэрснээ санал болгох мэт
- Бас нэг өөр юм байна. Надад Кэйблийн хэргээс гадна
бас нэг нилээд унацтай үйлчлүүлэгч байгаа. Би хэдэн сарын турш хэдэн хүний яг одоо амьд байгаа хойчийн үр удмыг эрж олохоор ажиллаж байгаа. Одоогоор Лондон хотын цагдаагийн газрын баримтуудыг шалгаж байгаа ч би хараахан үр дүнд хүрч чадаагүй байна гэлээ.
- Чиний л мэдэх хэрэг гэж Наижлыг хэлсэнд
- Наижл, чи үүнийг сайн мэдэж байгаа хэмээн Дакворт босох зуураа хэлээд
- Барьж авсан ажлынхаа ашгийг хүртэж чадахгүй юм бол цагаа дэмий үрэх хэрэггүй. Хангалттай мөнгө олж чадвал хувиараа судалгаа хийх нь амар байдаг ч, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнээс чи хавьгүй их мөнгө олно. Одоо надад зурагтынханд хийж өгөх гурван ажил байгаа учраас ажилд туслах хүмүүс ажилд авч байгаа. Хэрэв чи сонирхож байвал би ажил өгч чадна шүү гэлээ.
Наижл түүнд татгалзаж байгаагаа хэлэв.
- Хүссэнээрээ бол доо гэж хэлээд Дакворт тэндээс холдлоо.
Дакворт хэдийгээр ядаргаатай байдаг ч хэлсэн үг нь үнэн гэдгийг Наижл мэдэж байлаа. Бүх төлбөр тооцоогоо төлж барагдуулахад зөвхөн хувийн үйлчлүүлэгчтэй байх нь хангалтгүй. Хэдэн долоо хоногийн турш эрэл хайгуул хийх шаардлагатай, төлбөр сайн авч чадах ажил тэр бүр олдоод байдаггүй. Хэвлэл мэдээлийнхэнд шинээр нэрд гарч олны танил болж эхэлж буй хүмүүсийн түүх намтрыг олж өгөх, одоо ч гэсэн сонирхлын төвд байсаар байдаг нэр алдартай хүмүүсийн гэр бүл, үр хойчийг судалж олох, эсвэл зурагтынханд эрж хайж байгаа шинэ мэдээллийг нь олоход туслах зэрэг ажил хийвэл ахиухан мөнгө олж чадна. Цагдаагийнхантай ажиллах сонирхолтой хэдий ч энэ бол түр зуурын ажил. Одоохондоо үйлчлүүлэгч олох магадлал тун бага байгаа тул тэр удахгүй Дакворттой хамтарч ажиллахаас өөр аргагүй байдалд орж мэдэх юм. Гэвч энэ бол сүүлд шийдэж болох асуудал. Одоо харин тэр ажилдаа төвлөрөх нь чухал байлаа.
Наижл 1871 оны хайлтын цонхонд Эке Фэйрберн, Лондон гэж бичиж оруултал эрсэн хүнээ тэр дор нь олов. Арван зургаан настай Эке эцэг Эрнест, эх Мэри Жэйний хамт Умарт Кенсингтоны Тредгоулд гудамжинд амьдарч байжээ. Хаяган дээр ах эгч гэмээр өөр хүн байсангүй. Наижл 1861 оны бүртгэлд үзвэл зургаан настай Эке есөн настай эгч Ханна болон Огастус гэдэг нэртэй дөрвөн настай эрэгтэй дүүтэй байжээ. Огастуст юу тохиолдсон юм бол? Тэр хүү нас барсан учраас Фэйрбернийхэн хоёр хүүхэдтэй болсон байж мэднэ. Ханнагийн хувьд тэр 1871 онд аль хэдийн арван ес хүрсэн учраас хүнтэй гэрлэсэн байж болох талтай. Наижл Огастус, Ханна хоёрыг нас барагчдын болон гэрлэлтийн бүртгэлд шалгаж үзэхээр тэмдэглэж авлаа. Фэйрбернийхэн Экегийн хэргээс болж олон нийтэд нэр хүндээ алдаж, ичиж зовсондоо Ноттинг Дэйлээс явцгаасан бололтой. Тэд хаашаа явсан юм бол? Наижл Лондон болон улсын хүн амын тооллогын бүртгэл дотор хайсан боловч Эрнест, Мэри хоёрын ул мөрийг олж чадсангүй. Эцэст нь тэр интернэт дээр байдаг нас барагчдын бүртгэл дундаас жаран дөрвөн настай Эрнест 1881 онд нас барсан гэж тэмдэглэснийг оллоо. Энд бас түүний хүү Огастусыг нас барсан гэж бүртгэжээ. Наижлд архивын газарт хийх ажил үлдсэнгүй. Фэйрбернийхнээс Ханна ганцаарxнаа амьд үлдэж хоцорчээ. Тэр үр удмаа үлдээж, ургийн модоо цэцэглүүлсэн болов уу?


Фостер цаг орой болсон хойно гэртээ иржээ. Тэр гадуур хувцсаа өлгөчихөөд гал тогооны ширээн дээр тавьсан компьютероо шууд асаалаа. Тэр ширээгээ зөвхөн ажлаа хийхдээ ашигладаг бөгөөд ихэвчлэн босоогоороо идэж ууж заншжээ. Фостер шилтэй дарснаас хундагалж аваад компьютерынхоо урд суулаа. Тэрбээр шанааны судас хүчтэй лугшин, толгойгоор нь хатгуулж, нүдээ нээх бүрт хоёр ухархай нь хөндүүрлэж өвдөнө.
Хэрэв алуурчин одоо болтол чөлөөтэй явж байгаа бол тэр маргааш орой дараагийнхаа аллагыг заавал үйлдэнэ гэж Фостер өөртөө хэлэв. Тэгвэл Терри Кэйбл гэгч залуу энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдэг нь батлагдана. Харин дахиад цогцос олдохгүй бол Харрисын зөв гэдгийг шууд хүлээн зөвшөөрөхөд хүрнэ. Хэрэв Харрис буруу шийдвэр гаргасан бол дөрөв дэх хүн амины хэрэг гарч мэдэх учир тухайн хэргийг гарахаас сэргийлэхийн тулд Фостер бүх хүчээ дайчлахыг хүсэж байлаа.
Орой есөн цагийн үед Хадер, Хан хоёр цамхагт орон сууцыг шалгаж дуусаад эзэнгүй байрууд болон шинээр нүүж ирсэн оршин суугчдын тэмдэглэлийг анхаарал татсан айлуудын жагсаалттай харьцуулж үзжээ. Тэд нарт хоосон байруудыг нэгжих боломж байсангүй, бас оршин суугчид тэндээс ямар ч чимээ сонсоогүй гэж мэдүүлсэн байна. Одоо тэд зөвхөн хүлээх л хэрэгтэй. Фостер өглөө зургаан цагт Хадертай уулзаж дараагийн арга хэмжээг авахаар тохиролцжээ.
Фостерт тусламж хэрэгтэй байлаа. Чаддагсан бол тэр барилгыг зэвсэглэсэн цагдаа нараар хамгаалуулж, орчин тойрныг нь хяналтандаа бүрэн авмаар байв. Дринквотер сэжигтний буруутайг нотолж амжаагүй, маргааш түүнийг дахиж дөчин найман цагаар хорьж саатуулах зөвшөөрөл авна гэж хэлжээ. Хохирогчдын алга болсон орой болон цогцсуудыг хаясан үеэр түүнийг энэ бүх хэрэгт холбоогүй байсан гэчихээр баталгаа олдоогүй ажээ. Тэд Кэйблийг гэмт хэрэгтэн гэдэгт бүрэн итгэлтэй байгаа ч хөдөлшгүй баримт байхгүй тохиолдолд үүнийг нотлох аргагүй болно.
Фостер цамхагт орон сууцны барилгыг хамгаалалтанд авахаар Харрис руу утасдаж тусламж хүссэн боловч татгалзсан хариу авчээ. Цагдаа нар бүгдээрээ Кэйблийн буруутайг нотолж чадах эд мөрийн баримт эрж олохоор дайчлагдсан гэнэ.
- Тэр бидний эрж байсан хүн мөн гэж Харрис давтан хэлжээ.
Фостер буулт хийхээс өөр аргагүй болов. Тэр Кэйблийг өөрийн нүдээр харахыг хүссэн тул байцаалтанд оролцъё гэж Харрист хэлж үзжээ. Харрис түүний хүсэлтийг бас л хүлээж авсангүй, харин
- Хэд хоног амар! Чи их ядарсан харагдаж байсан гэж нэмж хэлжээ.
Түүний эргэлзээ, хардлага хамтрагчдынх нь сэтгэл санааг үймүүлчихэж мэднэ гэж бодсон учраас Харрис өөрийг нь ажлын байранд ирүүлэхийг хүсэхгүй байна гэдгийг Фостер ойлголоо.
Тэр цагаа хараад одоо унтвал толгойны өвчин намдаж юуны магад гэж бодов. Гэвч архивын газарт Наижл түүнд "Даравч дардайна, булавч бултайна" хэмээн хэлсэн нь санаанаас нь гарахгүй байжээ. Тэр хэдэн үг аймшигтай сонсогдсон хэдий ч үнэнийг хэлээд байх шиг. Фостер урьдын хийсэн бүхнээ мартахын тулд өөрийгөө машин тэрэг мэтийн гял цал зүйлээр сатааруулж, хатуу ундаанд толгойгоо мэдүүлэн тэрбээр бусдаас хөндийрч зай барих болжээ. Гэтэл энэ хэдэн үг эцгийнх нь тухай дурсамжийг сэргээж, түүний сүүлчийн мөч дэх дүр төрх үе үе санаанд нь ороод байжээ.
Фостер ажилдаа төвлөрхийг хичээлээ. Хадер тэр хоёр зөв юм хийж байгаа юм болов уу? Хэрэв Харрисын зөв болвол Кэйбл баривчлагдсанаар 1879 онд гарсан хэрэгт цэг тавигдана гэсэн үг. Цаг хугацаа үүнийг харуулах биз.
Өнгөрсөн цаг үе хүн амины хэргээр дахиж хариу барих эсэхийг тэд хорин дөрвөн цагийн дараа л мэдэж чадна.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:03 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 9:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Тэр өөрийн бүтээсэн тамд улам хурдан живж байлаа. Энэхүү бохир заваан Дэйлийн ядуу зүдүү байдал, хир буртгийг хараад Бурхнаас оноосон энэ ажилд өөрийгөө зориулах хүсэл нь улам оргилжээ. Эхнэр Жэмима болон хүүхдүүд нь түүнээс зай барьж аль болох холхон байдаг болжээ. Тэр тэднийг хэдэн өдөр харсангүй. Түүнийг нэг удаа гэртээ очтол Исо хүү нь гэрэвшин уйлж, эхийнхээ хормойн ард нуугдчихжээ. Эхнэр нь түүний хэн болсныг гадарласан шинжгүй, түүнийг ууртай ширүүн харцаар цоо ширтэж байлаа. Энэ бүхнийг тэр Ертөнцийн Эзний төлөө хийж байгаа учраас даалгаврыг биелүүлэхээс татгалзах эрх түүнд байхгүй.
Тэр Соул (11- зууны үеийн Израйлын анхны хаан) шиг үзэл бодлоосоо ухарч няцан, Эзнээсээ урвахгүй гэж бат шийдсэн билээ. "Та нарт шунал хүслээсээ татгалзахад амаргүй байх болно". Эдгээр архинд донтсон үйлийн үр нь харласан амьтдын нүгэл хилэнцийг бусдад харуулах хэрэгтэй. Тэр Дэйлийн харанхуй гудамжууд, цаашилбал Лондонгийн гудамжуудаар хэрэн хэсэж явахдаа үйлдсэн гэмт хэргүүд нь шударга үйл байсан гэдгийг ойлгожээ. Ядуу дорд гаралтай эмэгтэйчүүд архи ууж хөлчүүрсэн эрсийг биедээ хүрэхийг зөвшөөрч, хамтдаа нэр төрөө бузарладаг. Хэрэв тэр ажлаа төгс хийж чадвал эдгээр гудамжууд цэвэршиж эмх цэгцтэй болно.
Энэ бүхнийг дууссаны дараа тэр шийтгэлээ тайван хүлээж авна.
Тэр тохирох хүнээ эрж олохоор Дэйлээс гарах замдаа хүрэмний халаасанд хийсэн хутгаа байн байн тэмтэрч явлаа. Гэнэт хамар цоргисон өмхий үнэртэй агаараар амьсгалснаас болж огиудас нь хүрэв. Энэ хүн тэсэхийн аргагүй аймшигтай өмхий үнэр ойр хавьд нь амьдардаг хүмүүс Тэнгис гэж нэрлэдэг хаягдсан чулуун зуухнууд, гахайн ялгадас, хог хаягдал дүүрсэн шавар oлборлодог газрын нүхнээс тогтсон хортой цөөрмөөс гарч байлаа. Тэр нусны алчуураа гаргаж ам хамраа битүүлж дарвал дотор муухайрах нь багасав. Ажлаа хийж дуустлаа эсвэл Тэнгисийн энэ өмхий үнэрийг салхи өөр тийш нь тууж зайлуултал зөвхөн амаараа амьсгалах хэрэгтэй болжээ.
Тэр шинэ Валмерын Өргөн чөлөөг өнгөрч Вилльямийн гудамж руу орлоо. Лондон хотын өөр хаана ч үүн шиг ядуу тарчиг, уруудаж доройтсон газар байхгүй. Хэрвээ би энэхүү жигшүүрт гудамжинд нүгэл хилэнцээ үйлдэж байдаг эдгээр галзуу хүмүүсийн дунд амьдардаг байсан бол надад юу тохиолдох бол гэж бодтол тэр өөрийн эрхгүй дагжин чичирлээ. Тийм ээ, энэ хүмүүс ядуу, мөнгө нь амьдрахад хүрэлцдэггүй боловч тэд бас хэмнэхийг мэддэггүй. Бөөс хуурс язганасан өрөөнд тамхи татаж суугаа энэ ёс суртахуунгүй, нэр төрөө худалдсан хагас нүцгэн охид нүгэлт үйлээ хийхээр гудамжинд нэмэгдэн ирсээр байгаа эрүүгийн элементүүд болон сэжиг бүхий хүмүүс рүү хомхойрон харцгаана.
Тэд хийсэн нүгэл хилэнцийнхээ хариуг буцааж төлөх ёстой гэж бодсон тэрбээр хутганыхаа бариулыг чанга атгалаа. Огиудас нь хүрч байсан ч тэр тэвчээр заан намаг шалбааг туучин явсаар баруун талд нь харагдах Гэгээнтэн Жеймсийн талбай руу эргэлээ. Энд харин тэр чөлөөтэй амьсгалж болохоор цэвэр агаартай, бас энгийн сайн хүмүүс амьдардаг бололтой, байшингууд дунд нэг гайхамшигтай сүм харагдах ажээ. Шөнийн тэнгэрийн доор улам тодорч нүд булаам үзэсгэлэнтэй харагдах энэ сүмийг хараад түүний дотор нь онгойв. Сүмийн хажуугаар өнгөрөх үед түүний алхаа гишгээ өмнөхөөсөө илүү итгэл төгс, зориг шийдэмгий болсон байлаа.
Тэр Синт Анна Виллагийн уулзварт хүрч очоод, зүүн тийшээ Дэйлитэй залгаа байдаг Рояал Крессент рүү эргэж, төд удалгүй баруун талд нь харагдах Куйнсын Өргөн чөлөөнд орж ирлээ. Энд олон хүнтэй, айх аюул байхгүй юм шиг харагдах ажээ. Энэхүү амгалан тайван байдлыг тэр удахгүй эвдэж...
Тэр Куйнсын Өргөн чөлөөнд байдаг шүтээний газрын дэргэд харанхуй булан руу очиж нуугдаад Куйнс Армс уушны газар луу харж зогслоо. Зөөлөн сэвшээ салхинд туугдаж ирэх энэ дур гутам үнэр түүний саяхан дайрч өнгөрсөн цөөрмөөс гардаг тэвчихийн аргагүй муухай өмхий үнэрээс дутахааргүй байсан тул тэр дахиад л амаараа амьсгалах хэрэгтэй болов. Тэрбээр толгойгоо огцом эргүүлж хүзүүгээ нугхийлгэн дуугаргахад хүнд оргиод байсан мөр нь хөнгөрөх шиг боллоо. Тэр бэлэн болжээ.
Уушны газрын хаалга онгойж хоёр хүн гуйвсаар гарч ирлээ. Тэд зодолдох гэсэн бололтой хоорондоо зай авч зогсоход дотроос гарч ирсэн нэг хүн тэднийг салгав. Хажуу тийшээ түлхүүлсэн том биетэй эр цааш эргэж замаа хөөлөө. Харанхуйд нуугдсан эр хажуугаар нь өнгөрч буй хүч тэнцвэргүй аварга хүнтэй тулгарахыг хүссэнгүй. Хэдэн хормын дараа зодолдох гэж байсан нөгөө нэг эр нь дороо гуйвж зогссоноо үл ойлгогдох нэг хэлээр амандаа бувтнаснаа уушны газраас холдов. Энэ надад тохирох хүн мөн байна гэж тэр бодлоо.
Согтуу эр зам дээр нусаа хүчтэй нийгээд малгайгаа өмсөхөөр оролдох үедээ бараг унах шахсан ч тэнцвэрээ олж цэх зогсов. Тэрбээр манантаж дүйнгэтсэн тархиа сэргээх гэсэн бололтой толгойгоо сэгсрээд "муусайн новшнууд" хэмээн бувтналаа.
Харанхуйд нуугдсан эр хохирогч нь болох эр аль зүгт явахыг хүлээж зогстол бурхны авралаар тэр эр өөрийг нь чиглэн гудамж хөндлөн огтолж гарлаа. Нуугдсан эр хутгаа чанга атгаад харанхуйгаас гарч нөгөө эрийн араас мөшгөж эхлэв. Урд нь явж байсан эр гэнэт дороо зогсож зөнгөөрөө эргэж түүнийг олж харлаа.
- Хөөе, чи намайг яагаад дагаад байгаа юм бэ? гэж бувтнаад нөгөө эр түүнийг гайхсан харцаар ширтэв. Тэр согтуу эрд шууд тулж очин хутгаа гаргаж ишинд нь тултал дүрээд эргүүллээ. Тэрбээр хохирогчийн нүд цагаанаараа эргэлдэж, хоолой нь хэржигнэж дуугарахад хутгаа сугалж авав. Өвдгөн дээрээ сөхөрч унасан эрийг тэр шууд шүүрэн авч үүрээд арваад метрийн цаана хэдэн байшингийн дэргэд харагдах жижиг талбай руу алхлаа. Тэр хохирогчоо нуухыг ч оролдсонгүй, утсан хүүхэлдэй лугаа газар шидчихээд сая нэг эргэн тойрноо ажиглавал хүн амьтан харагдсангүй. Тэр адислагджээ. Шөнийн ажлаа дуусгасан тэрбээр хутгаа халаасандаа хийгээд хэрэг үйлдсэн газраасаа хурдан холдож явлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:05 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 9:52 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
21



Шөнөжин хар дарж зүүдлэн нойр муутай хоносон Наижл өглөө гэгээ орохын алдтай ГБТ рүү хүрч ирлээ. Наижлын хүсэлтээр Фостер төвийг эрт онгойлгохоор тохиролцжээ. Түүнийг дотогшоо саадгүй нэвтрүүлэхээр эрт ирсэн Фил лангууны дэргэд сурсан зангаараа нэг дууны ая исгэрэн зогсож байлаа. Наижл гадуур хүрэм, цүнх хоёроо өлгүүрт өгсний дараа л энэ дуу Питер Сарстедийн "Хайрт минь чи хаашаа явчихав” мөн болохыг санав.
- Фил, чи арай энэ дууг надад зориулж исгэрч байгаа юм биш биз? гэж асуусанд Фил түүнийг гайхсан харцаар ширтсэнээ жаахан эмзэглэсэн бололтой
- Огтхон ч тийм юм байхгүй гэж хэллээ.
Наижлыг цаашаа явтал Фил өөр дуу исгэрч эхлэв. Энэ дуунд Наижлын сэтгэлийг эмзэглүүлэх зүйл байсангүй. Тэр Ханна Фэйрберний гэрлэлтийн бүртгэлийг баруун эгнээнээс оллоо. Ханна мужаанаар ажилладаг Маврис Харди хэмээх эртэй гэрлэжээ. Бурхны авралаар ашгүй түүний нөхрийг Жон Смит гэдэггүй юм байна гэж Наижл бодлоо. 1881 онд тэд Бермондсэйд гурван хүүхэдтэйгээ амьдарч байсны нэг нь есөн настай охин, нөгөө хоёр нь гурав, долоон настай бяцxан хөвгүүд байжээ.
Тэд нарт Наижлын мэддэг хүнд асуудлууд тулгарсан бололтой дараагийн хүн амын тооллогын жагсаалтаас тэднийг олсонгүй. Нас барагчдын бүртгэлд Маврис, Ханна хоёрыг 1889 онд нэг өдрийн зайтай ар араасаа нас барсан гэж тэмдэглэсэн байлаа. Наижл Хүн амын бүртгэлийн газар луу утасдаж тэр хоёр хоёулаа томуу өвчнөөр нас барсныг мэдэж авчээ.
Ядуурч хоосорсон гэр бүл тэр үеийн Бермондсэйгийн ядуусын байранд очицгоожээ. Хоёр хоногийн дараа бага хүү Дэвид нь бас томуу өвчнөөр нас барж, арван долоон настай Клара, түүнээс хоёр насаар дүү Майкл хоёр амьд үлджээ. Эндээс тэр хоёрыг нас барсан гэсэн мэдээлэл Наижл олоогүй ч тэд хүн амын тооллогын жагсаалтанд бас байсангүй. Клараг зуун солигдохоос өмнө гэрлэсэн гэсэн бүртгэл олдсонгүй.
Наижл ГБТ-өөс гарч Эксмаут Маркетын Майделтон гудамжаар хөндлөн гарч зүүн тийшээ Росоман гудамж руу эргэн Нордамптоны Өргөн чөлөөний буланд байдаг Лондон хотын Метрополитаны архивд ирлээ. Энд одоо цагаас эхлэн 1607 он хүртэл хотын оршин суугчид болон нийслэл хотын тухай нийтдээ далан хоёр километр урт архивын материал хадгалагдаж байдаг. Хамгийн гол нь ядуусыг хүлээж авдаг бүх байрны мэдээлэл энд байдаг учир Наижлын хайж байгаа Гэгээнтэн Олэйвын ядуусын байрных ч бас байх ёстой.
Наижл архиваас тэр байранд хүлээж авсан болон тэндээс хасагдсан хүмүүсийн бүртгэлийг асуув. 1886 онд Хардигийн гэр бүлийн таван гишүүн уг байранд өөрсдийн хүсэлтээр ирцгээжээ. Хоёр хүү нь тураалд орсон байсан бөгөөд Майклыг ой ухааны хомсдолтой гэж тэмдэглэсэн байв. Наижл тэд нарт юу тохиолдсоныг мэдэж байлаа. Амьд үлдэхийн тулд ирсэн ядуу хоосон хүмүүсээр тэнд зохион байгуулалттайгаар хүнд хүчир боолын хөдөлмөр хийлгэдэг байжээ.
Маврис, Ханна хоёр тус тусдаа өөр унтлагын танхимд, хүүхдүүд ч гэсэн өөр газар унтаж, тэд хоорондоо бараг уулзаж чаддаггүй байсан нь ойлгомжтой. Тэд өглөөний зургаан цагт босож, дүрэмт хувцас өмсөцгөөн боолын хөдөлмөр хийдэг байжээ. Оройны найман цагт орондоо орцгооно. Шоронгоос ялгаатай зүйл гэвэл энд түгжээтэй хаалга, торон хашаа байдаггүй. Тэд энэ газрыг орхихоор шийдвэл гурван цагийн өмнө урьдчилж мэдэгдээд явж болдог. Гэхдээ тэд эндээс яах гэж явна гэж? Гудамжинд өлсөж, эсвэл хөлдөж үхэх гэж үү? Тийм учраас хүмүүс энэхүү шоронгийн дэглэмтэй газар үлдэцгээдэг байжээ.
Маврист чухам юу тохиолдсон болоод гэр бүлээ тэжээж, санаа тавьж чадахааргүй болтлоо доройтож, хамаг итгэл найдвараа алдсан юм бол гэж Наижл өөрөөсөө асуулаа. Тэр магадгүй хүнд гэмтсэн юм болов уу? Хөвгүүд нь гэр бүлээ аваад явчих насанд хүрээгүй, Клара мэтийн насны охидод хийх ажил олддоггүй байсан үе. 1888 онд Клара бие дааж амьдрахаар уг байрыг орхиж явжээ. Магадгүй тэр гэр бүлийнхээ хувь заяаг аварч чадна гэж бодсон биз. Гэвч жилийн дараа эцэг эх нь, бас бага дүү Дэвид нь нас барж, тэднийг хамгийн хямд үнэтэй авсанд ямар ч нэр усгүй оршуулжээ. Дэвидийг нас барсны дараа 1889 оны есдүгээр сарын 7-нд Клара ирж Майкл дүүгээ авч явжээ.
Тэд хаашаа явсан юм бол? Наижл бүтэн хоёр цагийн турш Лондон хотын бүх асрах газрын архивыг онгичсон боловч Майклын ул мөрийг олж чадсангүй. Тэр Кларатай хамт байсан болж таарч байлаа. Гэвч тэр хоёр хаашаа ч юм алга болчихжээ.
Наижл гадаа гарвал цаг хурдан өнгөрч аль хэдийн үд дунд болсон байлаа. Гэнэт хаанаас гэдгийг мэдэхгүй ч түүний толгойд нэг бодол харван орж ирэв. Тэр ГБТ рүү буцаж очин 1891 оны хүн амын тооллогын жагсаалтанд Клара Фэйрберн гэж бичээд төрсөн өдрийг нь оруулав.
Тэр тэнд байжээ. Нас нь таарч байлаа. Клара яагаад ээжийнхээ овгийг өвлөж авсан юм бол? Шалтгааныг нь зөвхөн таамаглаж болох юм. Ядуусын байранд амьдарч байсан гэсэн ичгүүртэй хар толбоо нуух гэсэн юм болов уу? Наижл тэдний гэр бүлийн бусад гишүүдийг олохоор холбоосон дээр дарвал Майкл Фэйрберн гарч ирлээ. Tэд Зүүн Лондонгийн Баавын байранд очсон ажээ. Майклаас бусад нь арван гурваас арван найман насны охид байв. Клара хамгийн ахмад нь байжээ. Тэр газар нийтийн байр байсан байх гэж Наижл таамаглав. Бүртгэлийн анкетанд Клараг чүдэнз хийдэг гэж тэмдэглэжээ. Энэ анкет болон амьдардаг хаягаас харвал тэд хаана байсан нь тодорхой болов. Клара Брайнт & Мэй хэмээх чүдэнзний үйлдвэрт ажиллаж байжээ. Хортой, хүнд нөхцөлд ажиллах хэдий ч тэр ажил олсон байна. Тэрбээр өдөр бүр арван дөрвөн цагийн турш чүдэнзний түүхий эд болох шар фосфорт хордон хорт хавдар тусаж үхэх магадлал өндөр нөхцөлд ганц ширхэг чүдэнзний мод унагавал шийтгүүлэн байж ажиллаж байжээ.
1901 оны хүн амын тооллогын жагсаалтанд хорин есөн настай Клара Холланд Паркад шинэ хаяган дээр гэрийн үйлчлэгчийн ажилтай гэж тэмдэглэжээ. Майкл ч бас тэр хаяган дээр байсан бөгөөд Холланд Парк дахь Мевсийн морины жүчээнд морь тахлагчаар ажиллаж байжээ. Клара өөртөө ажил олонгуут Майклд бас ажил олж өгсөн бололтой. Нэг жилийн дараа Майкл зүрхний өвчнөөр нас баржээ. Дараа жил нь Клара өөрөөсөө гурван насаар дүү конторын ажилтан Сидни Честертон гэгч эртэй гэрлэсэн байна. Дүүгээ нас барсны дараа тэр өөрийн амьдралаа зохиож эхэлсэн гэдэг нь ойлгомжтой байлаа.
Клара, Сидни хоёр дөрвөн хүүхэдтэй болжээ: хоёр хүү, хоёр охин. Тэд анхны хүүдээ Майкл гэдэг нэр өгсөн ажээ. Тухайн үед тэд Лондонгийн дагуул хот Хаммерсмитэд амьдарч байжээ. Сидни олон нийтийн байгууллагад шат ахин ажилласаар дөрөв дэх хүүхдээ төрөх үед компаний удирдагч болсон байна. Тэрбээр ямар компани эрхэлдэг байсан нь тодорхой биш байсан ч, Честертоныхон одоо баячуудын тоонд багтдаг билээ. Клара ядуусын байрны босгон дээрээс цойлон нисэж амжилтын оргилд хүрчээ. Бага залуу насандаа зовлон үзэж, хатуу бэрхийг туулсан ч гайхалтай амжилтанд хүрсэн тэрбээр 1951 онд далан есөн насандаа таалал төгсжээ. Наижл энэ эмэгтэйн агуу их тэвчээрийг гайхан биширч, түүний туулж өнгөрүүлсэн энэ амьдралыг үр хойч нь мэддэг болов уу гэж өөрөөсөө асуулаа. Хар бараан толбо суусан гэр бүлийнхээ түүхийг өөрчлөхөөр сүүдэр дороос өндийж босон тасрах шахсан үр удмаа аварсан энэ эмэгтэйг тэд зөвхөн шургуулганд ч юм уу, эсвэл гутлын хайрцганд хийгээд мартаж орхисон хэдэн бор өнгийн зурагнаас л мэддэг юм болов уу?
ГБТ долоон цагт хаах тул танхимууд бараг хоосорчээ. Төвийн нэг ажилтан Наижл руу хараад ханын цаг өөд нүдээрээ дохив. Өнөө орой тэр ажлаа дуусгах боломжгүй болжээ, тэгээд ч нүд нь их ядарсан байлаа. Тэр Фостер луу утасдаж олсон мэдээллүүдээ хэлж өгсөн ч дөрөв дэх хохирогч удахгүй олдоно гэсэн аймшигт бодлоосоо салж чадахгүй байсан мөрдөгч түүнтэй бараг ярилцсангүй.


Фостер хүршгүй өндөр оргил өөд авирахаар зэхэж буй ууланд авирагч аятай цамхагт орон сууцны оройг харлаа. Бүрэнхийд байшингийн зэвүү хүрэм төрх ажиглагдахгүй ч нэг л нууцлаг харагдах ажээ. Тэр Хадертай хамт өдрийн турш энд ирж очиж байгаа хүмүүсийг ажиглаж өнжжээ. Хүргэж ирсэн захиалга бүрийг шалгаж, ажлаар ирэгсдийг асууж байцаан, тусгайлан тэмдэглэсэн оршин суугчдыг байрнаас орж гарвал саатуулж нэгжсэн боловч сэжигтэй гэх зүйл олдсонгүй. Түүнчлэн Фостер явган хүний зам, талбай, жижиг байр, хогийн сав гээд хүн шургуулж нууж болох эргэн тойрны бүх газруудыг хараанаасаа алдалгүй давхар шалгажээ. Битүү сав, таглаа болгоныг нээж үзэн булан тохой руу өнгийж харах бүрт түүний сэтгэл маш их түгшиж байлаа.
Орой болоход тэр хоёрт машин дотроо хүлээж суухаас өөр арга үлдсэнгүй. Байрнуудын гэрэл нэг нэгээрээ асаж, орж гарах хүмүүсийн тоо илт цөөрчээ. Гудамжны өнцөгт хөвгүүд хэсэг бүлгээрээ цугларч, халамцуу хүмүүс ганц хоёроороо уушны газар луу явцгаан, ажлаасаа оройтож тарсан хүмүүс гэртээ ирж харагдана. Хүнгэнэн дуугарах хүнд хөгжмийн ая, өлссөн бололтой нялх хүүхдийн уйлах дуун дээр хааяа Вэствэй зам дээр хангинах дохионы дуу хөг нийлүүлж сонсогдоно.
Фостер машиных нь ард баруун талын дугуй руу сарьж байсан нохойг хөөж холдуулахаар машинаасаа ганцxан удаа буужээ. Тэрбээр өөрийгөө хэзээ ч яг одоогийнх шиг юу ч хийж чадахгүй арчаагүй нэгнээр төсөөлж байсангүй. Тэр цаг тоолон сууж байлаа: арав, арван нэг, шөнө дунд. 1879 онд цогцос олдсон өдөр болчихжээ. Эхний гурван хохирогчийг шөнө дундаас өглөө нар мандахын хооронд олсон. Тиймээс Фостер энэ удаа өөр байх шалтгааныг олж харахгүй байлаа.
Хотын чимээ шуугиан багасч, гудамж талбай чимээгүй, нам гүм болжээ. Байрны гэрлүүд ар араасаа унтарсаар зөвхөн хэдхэн айлын гэрэл асаалттай үлджээ. Зарим нэг оршин суугч унтаагүй бололтой зурагтын дэлгэцийн сүүн гэрэл анивчиж харагдана. Тэр хоёрт одоо энэ бүхэн яаж дуусахыг хүлээж суухаас өөр хийх зүйл байсангүй.
Өглөө болжээ. Хадерыг нүдний хор гаргахаар түр зуур зүүрмэглэх хооронд Фостер унтчихгүйг хичээж байлаа. Тэрбээр маш их ядарсан ч тайван суулгүй хөл гараараа ээлжлэн товшиж суув. Эх нь энэ товшилтыг сайнт-витус бүжиг гэдэг байжээ. Нар мандаж, айлууд нойрноосоо сэржээ. Хүмүүс ажилдаа явцгааж, шөнийн зугаа хөөгчид гэртээ ирж харагдана. Хадер сэрж, халуун саванд үлдсэн хуучин кофеноос хоёр аяганд хувааж хийх зуураа
- Одоо хоёулаа юу хийх вэ? гэж асуулаа.
- Хүлээнэ дээ. Бидэнд өөр арга байхгүй.
Фостерын утас дуугарав. Энэ Энди Дринквотер байлаа.
- Чи эрт босжээ гэж Фостер хэлэв.
- Би ор луугаа ч зүглэж чадаагүй. Өчигдөр орой нэг маш чухал зүйл болсон. Гурван цагийн үед тэд нэг хутга олсон гэж мэдэгдсэн. Терри Кэйблийн арын цэцэрлэгийн сарнайн бутан дороос олдсон хутгыг хоёр юм уу гурван хохирогчийн амийг хөнөөсөн хутга бараг мөн гэж байна. Эд мөрийн баримт одоо шинжилгээний тасагт байгаа.
Фостерт хэлэх үг олдсонгүй. Гэнэт тэр
- Яадаг муу хөгийн новш вэ хэмээн бархирлаа.
- Юу гэсэн үг вэ? Би зөвхөн мэдэж байгаагаа л хэлсэн.
- Би мэдэж байна, Энди гэж Фостер хэлээд
- Энэ хутга Жэймс Дарбишир, Нелла Перри хоёрыг хөнөөсөн хутга биш гэдэгт Амстердамын бүх гашишыг барьж мөрийцье. Хэрвээ энэ мөн байдаг юм аа гэхэд тэр хутгыг тэнд зориуд аваачиж тавьсан.
- Энд хүмүүс үүнийг баттай нотолгоо гэцгээж байна гэж Дринквотер хэлээд
- Танд надад мэдээлчихээр юм байна уу? гэж асуулаа.
- Юу ч алга даа гэж Фостер хариулав.
Хэрэв Харрис нөхдийнхөө хамт жинхэнэ гэмт хэрэгтэнг баривчилсан гэдэгтээ бат итгэж, нотолгоо гаргуулах юм бол хугацаа алдаж дөрөв дэх хохирогчийг олж чадахгүйд хүрнэ гэдгээ Фостер сайн мэдэж байлаа. Утсаа тасалсан тэрбээр одоо болж буй бүхэнд итгэж чадахгүй толгойгоо сэгсрэв. Хадер түүнд хандаж
- Юу болсон юм бэ? хэмээн асуув.
- Урьд нь болсон зүйлс одоо үнэхээр давтагдаж байна.
- Энэ чинь надад оньсого шиг сонсогдож байна. Та үүгээрээ юу гэж хэлэх гэсэн юм бэ?
- 1879 онд Кенсингтонд гарсан цуврал аллагын хэргийг чи мэдэж байгаа. Сонингууд энэ талаар шуугиан тарьж, оршин суугчид айдаст автан, цагдаа нар яахаа ч мэдэхээ байчихсан. Тэд нэр хүндээ алдаж шившгээ хутгахгүйн тулд нэг залууг баривчилж, уг хэргийг сэжигтэнд тохохын тулд бүхий л арга саамаа хэрэглэж, энэ хэдийгээр хачин санагдаж байгаа ч тэд залуугийн гэрээс хутга олдохоор болгосон.
- Энэ тухай та надад ярьж байсан.
- Тийм ээ. Гэвч би Терри Кэйблийн гэрээс хутга олдсон явдал хачирхалтай санагдсаныг чамд хэлж амжаагүй байсан.
Энэ тухай эргэцүүлж суусан Хадерын дүр төрх эрлэгийн өмгөөлөгчийн дүрд тоглохоор шийдсэн аятай болохыг Фостер харлаа.
- Ингэхэд та түүнийг нэг удаа ч гэсэн буруутай гэж бодож үзсэн үү?
- Би тэгж бодож үзсэн, одоо харин больсон. Хадер, энд яг юу болоод байгааг чи надтай адилхан мэдэж байгаа болохоор одоо больж үз. Түүнийг буруутай гэдэгт тэдний итгэчихсэн байгаа нь аргагүй юм байна. Энд ганцxан сэжигтэн байна гэдэг чинь тэр жинхэнэ сэжигтэн гэсэн үг биш. Түүнээс гадна энэ хэргийг хийх болсон шалтгааныг нотлох баримтыг надад хэн ч хэлж өгөөгүй.
- Тэгвэл ГХБ?
- Энэ бол тохиолдол, байдаг л нэг жирийн зүйл. Харин шалтгаан биш. Алуурчин энэ хүмүүсийг яагаад алав? Яагаад эрхтнүүдийг тастаж салгаж авав? Бас тэр яагаад урьд өмнө болсонтой ижилхэн цогцоснуудыг яг адил сар өдөр, адилхан газруудад орхив? Тэдэнд энэ асуултуудад өгчихөөр оновчтой хариулт ганц ч байхгүй. Алуурчин энэ хэргийг давтан үйлдэж байгаа гэдгийг бид харин мэдэж байгаа. 1879 онд энэ хэргүүдийг шийдвэрлэсэн үе болон түүний дараа болсон үйл явдал энэ бүхний гол шалтгаан болсон гэдгийг бид бараг гадарлачихсан.
- Тэгвэл бидэнд нэг сэжигтэн байгаа боловч шалтгаан байхгүй, харин шалтгаан байгаа ч сэжигтэн байхгүй юм байна.
- Аль нь дээр болохыг ёстой хэлж мэдэхгүй байна гэж Фостер амандаа бувтналаа.
- Гэхдээ бид цогцос олно гэдэгт та итгэлтэй байгаа биз дээ? гэж асууснаа Хадер түүнийг харж инээмсэглээд
- Хэрвээ ийм юм болвол таны зөв болно гэлээ.
- Үгүй. Бид цогцос олно гэдгийг би сайн мэдэж байна. Энэ бол миний хүссэн юм биш. Гэвч бид алуурчинг олно гэдгийг би мэдэж байна. Хэрвээ хэвлэл мэдээллийнхний шүүмжлэлд өртөхөөс айсан нэг новш бүх хүмүүсээ ийш тийш нь тарааж цацахын оронд энд илүү хүн хүч гаргаж өгсөн бол бидэнд тэр боломж маш их байсан гэж Фостер цухалдан хэллээ.
Тэр цамхагт орон сууц руу харвал барилгын дотор тал гэрэлтэй болжээ.
Үд дунд болж байлаа. Фостер нойр алдаж их ядарсан ч гэлээ нөгөө газраа байсаар байв. Одоо тэр энэ хийж байгаа бүхэн хэрэгтэй эсэхэд эргэлзэж эхэлжээ. Эндээс харвал Кэйблийг буруутан болгож нотлох бололтой. Дээр нь дөрөв дэх хохирогчийн цогцос олдоогүй байдаг. Бүх юм буруугаар эргэх юм биш байгаа? Хадерын хэлж байснаар Кэйбл жинхэнэ хэрэгтэн юм болов уу? Тэрбээр сайтар тунгаахыг хичээх аятай толгойгоо сэгсрэв. Хамаг бодол санаа нь холилдох хэдий ч тэр Кэйблийг буруутай гэдгийг дотроо хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Хэрэв Барнес одоо утасдаж Терри Кэйбл бол Эке Фэйрберний үр хойч мөн гэж хэлвэл бүх юм өөрчлөгдөж мэдэх л юм. Тийм зүйл болоогүй тохиолдолд тэр энд суусаар байх болно.
Фостер Хадерт гэртээ харьж хэдэн цаг амраад ир гэж хэлэв. Тэр хэдийгээр явмааргүй байсан ч үгэнд нь оржээ. Гэвч дараа нь Барнес өөр лүү нь утасдаж нэрсийг хэлж өгөх үед Фостер хажууд нь туслах хүн зайлшгүй хэрэгтэй юм байна гэдгийг ойлгов. Тэр зүүрмэглэчихэлгүй сэрүүн байхын тулд машиндаа хүйтэн агаар оруулахаар цонхоо онгойлголоо. Хагас цагийн өмнөөс цамхагт орон сууцны барилгын дээд давхрын аль нэгнээс нэрийг нь үл мэдэх басс гитар болон алга ташилт холилдсон хүнд хөгжмийн ая сонсогдож эхэлжээ. Энэ хөгжим Фостерт нэг л танил санагдсан ч гучаад метрийн өндрөөс сонсогдох энэ аяыг хэмнэлээр нь ялгаж танихад хэцүү байлаа. Тэр байранд амьдардаг хүнд энэ хөгжим таалагддаг бололтой аяыг дуусах мөчид дахин дахин давтаж тавих ажээ. Фостер онгорхой цонхоор гараа гаргаж, хөгжмийн бөмбөр болон басс гитарын хэмнэлээр машины бөөрийг өөрийн эрхгүй товшиж суулаа. Тэрбээр энэ хөгжмийг хэд дахин сонсож, хэмнэлийг нь давтсаар дууны аяыг гэнэт санав.
Энэ дууг дисконд зориулсан гэдгийг санасан Фостер одоо аяыг исгэрч эхэллээ. Хэдийгээр энэ түүний дуртай жанар биш ч, басс гитарын хүнгэнээн, сэтгэл гонсойлгож шархлуулсан үгтэй энэ дууг тэр дажгүй юм байна гэдгийг дотроо хүлээн зөвшөөрч суув. Энэ дууны нэрийг юу гэдэг билээ? Фостер дууны нэрийг мэдэхийн тулд машинаасаа бууж, шатаар өгсөхөөс ч буцахааргүй болжээ.
Найрал дуучид дуулж хөгжмийн хэмнэл өөрчлөгдөхөд
тэр аяыг дагаж исгэрлээ. Түүний санаж байгаагаар энэ дууг хэдэн эмэгтэй нэг эрэгтэй дуучинтай хамт дуулдаг. Тэр найрал дуучдын дуулдаг бадгаас "үндэс угсаа" гэдэг ганцхан үгийг ялгаж чадав. Энэ бол Одиссейгийн "Үндэс угсаа руугаа эргэж оч" гэдэг дуу болохыг Фостер гэнэт санаад нэрийг нь олж чадсандаа ихэд олзуурхлаа.
Гэнэт Фостерын шилэн хүзүү рүү мөстэй ус цутгачихав уу гэлтэй тэр залуур дээрээ бөхийсөн чигээрээ хөшчихөв. Тэр машинаас ухасxийн бууж барилга руу хар хурдаараа гүйж орон цахилгаан шатны товчлуурыг дарлаа. Тэрбээр цахилгаан шат хөдлөхийг сонссон боловч бууж иртэл нь хүлээж тэвчсэнгүй шатны гишгүүрүүдийг алгасан дээшээ гүйв. Адреналин хамаг ядаргааг биенээс нь үлдэн хөөв үү гэлтэй тэр аравдугаар давхарт хурдан гарч ирлээ. Түүний зүрхний цохилт чихэнд нь тод сонсогдох ажээ. байв. Фостер халтартаж бохиртсон цонхоор үл мэдэг гэрэл тусах харанхуй хонгил руу ороод чимээ гарч байгаа хаалга руу ойртвол хөгжим улам чанга тод сонсогдлоо. Хонгилд зогсож байсан хуучин улаан гэрийн халаад өмссөн, үрчгэр царай, сүрлэн өнгийн үстэй эмэгтэй Фостерыг ажиглан харав.
- Та энэ зүрх дэлсүүлсэн чанга чимээг зогсоож чадах уу?
- Тэнд хэн амьдардаг юм бэ? Эмэгтэй мөрөө хавчлаа.
- Бэрт зургаан долоо хоногийн өмнө нас барсан. Тэр цагаас хойш миний мэдэхээр хоосон байсан. Дүүргийн захиргаа миний амьдралыг там болгохоор энэ байрыг хэдэн хогийн залуучуудад өгсөн юм шиг байна.
- Энэ асуудлыг би шийдье. Та гэртээ ор гэж Фостер эмэгтэйд хэлэв.
- Таны хэлснээр болъё гэж эмэгтэй хэлээд гэртээ орохдоо хаалгандаа завсар үлдээн дутуу хаалаа.
Фостер дотроос нь басс гитарын нүргэлэх чимээнд удахгүй зад үсрэх гэж байгаа мэт доргих 65 дугаартай хаалга руу очоод тогшив. Хэн ч хариу өгсөнгүй тул дахин тогшлоо. Ямар ч хариу үйлдэл илэрсэнгүйд тэр нэг алхам арагш ухарч хаалгыг хөлөөрөө хүчтэй тийрлээ. Хаалга хөдлөөгүй ч удахгүй цоож нь суларч суга үсэрнэ гэж Фостер бодлоо. Хоёр дахь нь бүтэлгүйтсэн ч дараагийн оролдлогоор хаалга чихарч дуугарав. Дөрөв дэх тийрэлтээр хаалга хүчтэй саван нээгдлээ.
Фостер дотогшоо орвол гурван хаалга байв. Хөгжмийн дуу баруун талын хаалганаас гарч байсан тул тэр хаалгыг онгойлготол хөгжмийн чанга нүргэлэх чимээнд ар талын хана руугаа бараг савж унах шахав. Өрөөний голд шалан дээр СД тоглуулагчтай мөнгөлөг өнгөтэй сэрүүлгэн радио харагдана. ЛСД дэлгэцэн дээр 12:15-ыг заасан байв. Өрөө хоосон ажээ. Дутуу хаасан хир даг болсон хөшигний цаана цонхоор Лондон хотын төв харагдана. Фостер хөгжим тоглуулагч руу очиж гараа цамцныхаа ханцуйгаар жийрэглээд товчлуурыг дарав. Өрөөнд чимээ аниргүй боллоо.
Хамаг мэдрэхүй нь дахин хэвийн болсон тэрбээр эргэн тойрноо ажиглалаа. Өрөөнөөс өмхий үнэр ханхалж байв. Цагаан өнгийн хана туурга өнгөө алдаж, тавилга тулган тавьж байсан оромнууд, халтартсан толбонууд тод харагдана. Өрөөний хажууд байсан гал тогооны өрөө рүү орвол хэдэн элэгдэж хуучирсан аппаратнаас өөр юм байсангүй. Фостер буцаж үүдний хонгилд орж өөр нэг хаалгыг онгойлговол хөгц чийгний хүчтэй үнэр ханхлав. Угаалгын өрөөнд зөвхөн гоожуураас дуслах усны чимээ сонсогдоно.
Тэр хаалгыг хаагаад үлдсэн хаалганы өмнө очиж онгойлголоо. Тэндээс өрөөнд байгаа юмнаас гарах түүний сайн мэдэх үнэр үнэртэж байв. Эмэгтэй хүний цогцос. Энэ өмхий үнэрээс үзэхэд цогцос энд хорин дөрвөн цагаас удаан байжээ. Жинсэн өмд, бор цамцтай эмэгтэй шалан дээр гэдэргээ харан хэвтэж байлаа. Фостер нусны алчуураа гарган хамраа таглаад цогцсыг сайн харахаар дээр нь тонгойв. Цогцсон дээр хэдэн ялаа эргэлдэн ниснэ. Эмэгтэйн духнаас толгойн орой хүртэлх нөжирсөн цусан дундаас гавлын яс нь цайран харагдав.
Түүний хуйхыг хуулж авчээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:06 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.02.17 10:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Улам сонирхолтой болоод байх чинь...Одоо хэр үлдсэн байгаа вэ?

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.03.17 12:22 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
22


Эдвард Карлайл ил гарсан гавлын хэсгийг харангаа
- Энэ ч Өрнийн зэрлэгүүдийг санагдуулж байна шүү гэж хэлээд толгойгоо сэгсрэв.
- Яг юу болсныг хэлэхэд энэ эмэгтэй мөрөө хүрсэн урт хүрэн үстэй юм байна. Миний бодлоор алуурчин үснээс эргүүлж бариад хутганыхаа үзүүрээр үсний угаар тойруулан огтолж дараа нь хүчтэй угзарч татаж авсан. Энэ бол тийм амар хийчих юм биш. Чамд бас нэг юм хэлж чадна гэснээ тэр Фостер луу хөмсөг зангидан харснаа
- Миний бодлоор түүний хуйхыг хуулж авахад тэр амьд байсан гэж нэмж хэллээ. Фостер яаж ийм юм хийж болдгийг ойлгож чадсангүй, мэдэхийг ч хүссэнгүй.
- Тэр нас бараад хэр удсан байна вэ?
- Жар орчим цагийн өмнө. Даваа гариг гэж Фостер бодлоо.
- Нурууны өнгөнөөс харахад тэр энд төдий хугацаагаар удаан хэвтэж байсан гэж таамаглаж байна, магадгүй хэдхэн цагаар богино байж болно. Тэр энд үхээгүй, түүнийг үхсэн хойно зөөж авчирч тавьсан. Бас зүрхэнд нь хутгалснаас тэр үхсэн байх магадлалтай. Учир нь маш хичээж хийсэн болохоор хуйхыг хуулж авахад хэн ч амьд гарч чадна.
Тэднийг энэ хавьд ирэхийг алуурчин мэдсэн байжээ гэж Фостер бодлоо. Тийм учраас тэр энэ газарт хяналт тавихаас өмнө амжиж иржээ. Тэр тэднээс дахиад нэг алхам түрүүлжээ.
Ахлах комиссар Харрис өрөөнд орж ирлээ. Tүүний царай бүр цонхийн цайж санаа зовсон шинжтэй харагдана.
- Урьдчилсан дүгнэлтээр юу гэж байна?
- Түүний хуйхыг хуулж, хутгалж алсан гэж Фостер хариуллаа.
- Хуйхыг нь хуулсан гэнэ ээ? Есүс ...
- Энэ эмэгтэй даваа гаригийн оройноос энд байсан байна. Тэр үед тэр үхчихсэн байжээ. Харрис доошоо харснаа
- Чи хугацааг баттай мэдэж байна уу? гэж Карлайлаас асуулаа.
- Намайг хэлж болно гэж байгаа бол энэ бол баттай.
- Кэйбл буруугүй. Та түүнийг даваа гаригт баривчилсан. Энэ бол түүний хийсэн ажил байж таарахгүй гэж Фостер хэллээ.
Харрис толгойгоо аажуухан дохилоо. Харрис Байгууллагын дээд удирдлага болон хэвлэл мэдээллийнхэнд үүнийг хэрхэн тайлбарлахаа эрэгцүүлж байгааг Фостер мэдэж байв.
- Танд мэдээж хутга байгаа гэж Фостер бас нэмж хэллээ.
Харрис эрүүгээ үрэн зогсож байснаа
- Тэр хүн амины хэргүүдийг үйлдсэн хутга биш байна лээ. Шинжээчдийн шинжилгээгээр өнөө өглөө батлагдсан гэж хэлээд гүн санаа алдлаа.
- За, тэгэхээр алуурчин гадуур чөлөөтэй явж байна гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Би энэ газарт илүү анхаарч дэмжлэг үзүүлэх ёстой байжээ. Үүнийг ч би хүлээн зөвшөөрч байна.
Фостер гараа дэлгээд
- Тэгсэн ч гэсэн хэдийн оройтсон байх байсан, Брайн. Тэр биднээс түрүүлсэн. Бид цогцсыг арай эрт олж чадах байсан биз. Харин хэн нэгнийг аврахыг хичээх ёстой гэсэн бидний зорилго хэвээрээ, энэ бол бидний сүүлчийн боломж. Тав дахь хохирогч ням гаригт шөнө нэг цагийн өмнө Павис Талбай дээр олдох ёстой. Бидэнд одоо хоёр өдөр байна, бас үгүй ч байж магадгүй.
- Чамд ямар төлөвлөгөө байна, Грант? Фостер буцаад
байрандаа эргэн ирж хэргийг гардан авах боллоо.
- Бидэнд шийдвэр гаргахад хэрэг болох нэг утасны дуудлага би хүлээж байна. Карлайл тэр хоёрын дундуур орж
- Хохирогчийн хэн болохыг тогтооход хэрэг болохоор юм бидэнд алга, гэхдээ түүний арын халаасанд алуурчны анзаараагүй нэг юм байна гээд хурууныхаа завсар чимхэж барьсан нэг базсан цаасыг үзүүлэв. Фостер цаасыг аваад болгоомжтой тэнийлгэж харвал тооцооны тасалбар байлаа.
- Супермарктынх байна. Тэр даваа гаригийн өглөө зээлийн картаар төлбөр хийсэн байна.
Харрис нэг мөрдөгчийг дуудаж хохирогч эмэгтэйг хэн болохыг яаралтай мэдэж ирэх тушаал өглөө. Хадер шүршүүрээс гараад шууд ирсэн бололтой нойтон үстэй орж ирэв. Шинжээчийн баг сэрүүлгэн радиог шалгаж байгааг Фостер онгорхой хаалгаар харав. Хадер харцаа хохирогчоос салган Фостер луу харлаа.
- Наижл над руу утасдсан. Тэр өнөө өглөөнөөс эхлээд завгүй байжээ. Тэр энэ хооронд Фэйрберний удмын одоо амьд байгаа хэд хэдэн хүмүүсийг олсон. Өдрийн сүүлчээр тэр бүгдийг олж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
- Надад юу болоод байгааг тайлбарлаад өгчих хүн байна уу? гэж Харрис тэсгэл алдан асуулаа.
- 1879 онд Ноттинг Дэйл болон Умард Кенсингтонд гарсан хоёр хүн амины хэрэгт холбогдуулан нэг эрийг баривчилж түүнд хоёр аллагыг үйлдсэн гэж тулгажээ. Түүнийг Оулд Бэйлид шүүх хурлаар оруулж буруутган, дараа нь дүүжилж алсан.
- Үүнийг би ойлгож байна.
- Асуудал нь гэвэл тэр гэмт хэрэгтэн биш байсан. Түүнийг хохирогчийн араас явж байхыг харсан гэж хэлсэн ганцxан гэрчийн мэдүүлгээр буруутан болгосон. Фостер дараагийн хэлэх зүйлийг Харрис сонсоод хэрхэхийг мэдэхгүй байлаа.
- Цагдаа нар санамсаргүй тохиолдлоор түүний гэрээс хутга олсон. Гэхдээ тэр хутгыг тэнд зориуд тавьсан гэж сэжиглэж байжээ. Харрис маш их цочирдов.
- Бид тэр хутгыг Кэйблийн цэцэрлэгт аваачиж тавиагүй, Грант.
- Би тэгж бодоогүй. Гэхдээ надад таамаглалууд байна. Алуурчин хутгыг тэнд орхисон гэж би бодож байгаа. Тэр энэ үйлдлээрээ ямар нэг юмыг тодорхой болгохыг хүссэн бололтой.
- Юуг тодорхой болгох гэж?
- Цагдаа нар Фэйрбернийг боксын мишок болгон ашигласан. Мөрдлөгийн багийнхан түүнд хэргийг тохох гэж түүнийг аймшигтай хэрцгийгээр зодож, яснуудыг нь хугалсан. Фэйрберн бүтэн өгүүлбэр ч хэлж чаддаггүй, хүүхэд шиг сэтгэдэг, ой ухааны хомсдолтой байжээ. Тэгсэн ч тэд түүнийг хийгээгүй хэргийнх нь төлөө дүүжилсэн. Тэд бас түүнийг дүүжлэхдээ алдаа гаргаж, тэр хүзүүнд нь угласан олсонд боомилогдсон. Фостер түр зуур дуугүй боллоо.
- Алуурчин энэ хилс хэргийн төлөө өшөө авч байгаа. Тэр хэн нэгэн гэмгүй этгээдийг золиосолж цагдаагийнхан хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж батлахыг оролдож байна. Манай гэр бүлийн түүх судлаач хилсээр шийтгүүлсэн Эке Фэйрберний төрлийнхний үр хойчийг эрж олохын тулд завгүй ажиллаж байгаа. Бид олдсон бүх хүмүүсийн нэрсийг компьютерт оруулж аюулын дохио жингэнэх эсэхийг харцгаана. Дараа нь хорин дөрвөн цагийн дотор эдгээр хүмүүс өнгөрсөн долоо хоногуудад хаана юу хийж байсныг тодруулах хэрэгтэй. Илт сонирхсон шинжтэй байсан Харрисын царай үл итгэсэн царай болж өөрчлөгдөв.
- Чи энэ хүн амины хэргүүдийг тэр эрийн удмынхны үр хойч нарын нэг үйлдэж байна гэж хэлэх гээд байгаа юм уу? Түүний өвөг дээдсийн хийгээгүй аллагуудыг яг адилхан үйлдэж түүний буруугүй байсныг батлах гэж үү? Фостер толгой дохилоо.
- Илүү сайныг би бодож олж чадахгүй байна. Энэ бүхнийг хийж байгаа хүн энэ гэр бүлийн түүх намтрыг нилээн сайн мэдэж байна. Тэр магадгүй удам угсааныхаа хэн нэгнийг олох гэж байгаад энэ хар бараан түүхийг олсон юм болов уу? Тэр яагаад энэ хохирогчдыг сонгосон юм бэ гэдэгт ямар хариу өгөхөө би мэдэхгүй байна. Энэ магадгүй санамсаргүй тохиолдол байж болох юм. Тэд магадгүй буруу цагт буруу газраа байсан. Харрис нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой харагдана.
- Наижлын нэгтгэсэн нэрс хаана байна вэ? гэж Фостер Хадераас асуулаа.
- Тэр ажил руу факсаар дамжуулсан гэж Хадер хариулав.
- Эдгээр хүмүүс энэ улс орны хаа сайгүй тархсан байгаа биз. Энэ хаягнууд руу явах хүн бүрт Принц Уэлсэд Нэлла Перритэй хамт сууж байсан хүний аман зургийг өгч тохирох хүн байгаа эсэхийг шалгуул.
- Би ажил байр луу очиж, энэ тал дээр санаа тавьж утсаар ярья гэж Харрис хэллээ.
Тэр Кэйблийн нэрийг дахиж нэг ч удаа дурьдсангүй. Харрис түүнийг мансууруулах бодис хадгалсан хэрэгт буруутган тавьж явуулаад хэвлэл мэдээллийнхэнд Кэйблийг хүн амины энэ хэрэгт буруутгах үндэслэл байхгүй гэж мэдэгдэх болно. Олон нийтийн мэдээллийн суваг дөрөв дэх хохирогчийн талаар мэдсэн тохиолдолд энэ эмэгтэйг алагдах үед Кэйблийн түр хорионд байсныг санацгааж тэд өөрсдийн дүгнэлтийг гарган хэд хоногийн өмнөх сөрөг мэдээллүүдийг гүтгэлэг байсан мэтээр харагдуулахыг оролдоцгоох нь ойлгомжтой.
Фостер Харрист араас нь хурдан очно гэдгээ хэлэв. Харрис Лондон хотын гадна амьдардаг хүмүүсийг асууж лавлах цагдаагийн бүрэлдхүүнийг цуглуулж, бэлэн болгох хэрэгтэй байлаа. Тэднийг амаргүй ажил хүлээж байгаа нь тодорхой. Тэд хүмүүс рүү урьдчилан анхааруулахгүйгээр очиж тэдэнд мэдэгдэлгүй удмынх нь түүх намтрыг ухаж төнхөн өвөг дээдсийнхний нэг нь хүн амины хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэж мэдэгдэх нь мэдээж амаргүй даваа билээ.
Фостер дахин мөрдлөгийн гол цөмд орсондоо баяртай байсан ч урьд болсон хэргээс олон зүйл тодруулах хэрэгтэйг мэдэж байсан тул энэ асуудлыг орхихыг хүссэнгүй.
Тэр Хадертай хамт өрөөнөөс гарч хохирогчоос олдсон супермарктын тасалбарыг авч явсан мөрдөгчийн хариуг хүлээж байлаа. Утсаар хоёр гурав ярьсны эцэст зээлийн картны эзний овог нэрийг олж тогтоов: Патрисиа МакДугалл, дөчин нэгэн настай, нөхрөөсөө салсан, ганц бие эмэгтэй. Түүний оршин суудаг хаягийг бас тодруулжээ. Фостер мэдээллийг хурдан тэмдэглэн авч байлаа. Эмэгтэйн овгийг бичиж байх үед гэнэт Фостерын нуруугаар хүйтэн юм гүйх мэт мэдрэмж төрөв.

ГБТөвийн урд Наижл тамхиа ороож байхдаа Хадерын дөрөв дэх хохирогч олдсон талаар хэлснийг бодож зогслоо. Фостерын зөв байжээ. Урьдчилсан хорионд байсан залуу буруугүй байсан. Хохирогч эмэгтэй хүн байсан гэдгээс өөр зүйл Хадер хэлээгүй. Нэлла Перригийн цогцосны дүр нүднийх нь өмнө тодорч ирэхэд тэр тамхиа хурдан сорлоо. Тэр оройноос эхлэн Наижл энэ хэрэгтэй хамтарч ажилласан. Фэйрберний удмын үр хойч нарын жагсаалтыг бүрэн гаргаж дамжуулж өгсний дараа түүний цагдаагийнхантай хамтран хийж байгаа энэ ажил дуусна. Дараа нь тэр дахиад ганцаархнаа өнгөрсөн өдрүүдэд болсон энэ үйл явдлуудын талаарх мартахын аргагүй дурсамжтайгаа үлдэх болно.
Утсанд нь дуудлага орж ирлээ. Фостерын сэтгэл их хөдөлсөн бололтой дуу нь чангарсан байлаа.
- Шүүгчийн нэрийг хэн гэдэг билээ?
- 1879 оны шүүх хуралд байсан уу?
- Үгүй, О.Ж. "новшийн" Симпсоны эсрэг шүүх хурлынх гэж хэлбэл болох уу? Мэдээж би 1879 оны шүүх хурлыг хэлж байна. Наижл хурдан санахыг оролдлоо.
- Шүүгч МакДугалл. Фостер бас нэг юм тодруулахыг хүсэв.
- Тэр хар малгай өмссөн байсан, тийм үү?
- Ялтанд цаазаар авах ял өгөх үед малгайг заавал өмсдөг байсан. Юу гэж?
- Энэ одоохондоо баттай биш ч бид дөрөв дэх хохирогчийг Патрисиа МакДугалл гэж бодож байна. Энэ санамсаргүй тохиолдол байх гэж Наижл бодов.
- Хохирогчийн хуйхыг хуулж авсан байсан. Яг тэр хар малгай өмсдөг толгойны орой дээрх хуйхыг гавлын яснаас салгаж авсан байна. Миний юу хүсэж байгааг чи одоо ойлгож байна уу?
Наижл ойлгосноо хэлэв.
- Тэр эмэгтэй 1965 оны тавдугаар сарын 15-нд төрсөн. Төрсөн газар тодорхойгүй. Чи түүний удмын судалгааг хийж энд ямар нэг холбоо байгаа эсэхийг олж өгч чадах уу? Надад энэ яаралтай хэрэгтэй байна. Хичээгээрэй.
- Фэйрбернийхний жагсаалтыг яах болж байна? Наижл жагсаалтыг бараг гаргаж дуусгажээ. Одоо хэдхэн хүнийг олох үлдсэн.
- Түр зууртаа орхичих. Надад хурдан мэдэгдэнэ шүү гэж Фостер яаруулав.
Наижл төрөгсдийн бүртгэл рүү очиж тухайн оны дөрвөөс зургадугаар сарын хооронд төрсөн адил нэртэй гурван эмэгтэйг олоод дахин гарч Фостер луу утасдав. Хохирогчийн бүтэн нэрэнд бас эхийн талын овог байдаг гэсэн мэдээлэл авлаа: Патрисиа Жэйн Вэбстер Макдугалл.
Тэр зөв хүнээ олжээ. Төрсний гэрчилгээнд бичсэн эцгийн нэрээр эцэг эхийнх нь гэрлэлтийн бүртгэлээс Патрисиагийн өвөөг олов. Тэр хоромхон зуур тэдний гурван үеийнхнийг эрж олоод ЕБГазар луу утасдаж мэдээлэл солилцсоны эцэст нас нарсан хохирогчийн элэнц өвөө нь Монтгори МакДугалл гэдгийг тодруулж чадлаа.
Наижлын зүрх өөрийн эрхгүй дэлсээд ирэв. Энэ хүн тэдний хайсан хүн мөн байв. Дээд шүүхэд шүүгчээр ажиллаж байсан тэр хүн 1898 онд наян таван насан дээрээ өөд болжээ. Тэр хэдийн мартах өвчинд нэрвэгдсэн ч үхэх хүртлээ шүүх хурал удирдаж байсныг Наижл олж мэдээд маш их цочирдов. Энэ хүн өөрийн ухаангүй өөр хичнээн олон гэмгүй хүмүүст ял шийтгэл оноож хохироосон бол гэж тэр өөрөөсөө асуулаа.
Наижл Фостер луу утасдвал тэр Хадертай хамт ГБТ рүү ирж яваагаа хэлэв. Хоёр минутын дараа тэднийг орж ирэхэд бүгд хамтдаа том танхимын хоосон буланд очиж сууцгаалаа.
- Энэ эмэгтэй түүний жич нь юм байна гэж Наижл нөгөө хоёртоо хэлэв. Фостер хэргийн учрыг олсон бололтой харагдана.
- Асуудал ойлгомжтой болж байна. Патрисиа МакДугалл элэнц өвөөгөөсөө болж алагджээ. Тамласан байдал үүнийг илчилж байна. Алуурчин хуйхыг нь хуулж аван түүнийг ямар шалтгаанаар алснаа бидэнд мэдэгдэх гэсэн юм байна.
Наижл толгой дохилоо
- Фэйрбернийхний жагсаалтыг түр орхи. Тэрнийг дуусгахад би санаа тавьж тусламж авна. Одоо бусад хохирогчдын талаар ярилцацгаая. Эллис тамлуулаагүй боловч дүүжлүүлсэн байдалтай олдсон. Хэрвээ бид түүний өвөг эцгийн талыг хайвал бидний мэдэх зандалчин Норвуд дээр шууд бууна гэж би бодож байна. Наижл дэвтэртээ тэмдэглэж аваад
- Надад түүний төрсөн он сар өдөр байхгүй гэлээ.
- Тэрнийг чамд өгнө. Дарбиширийн хоёр сарвууг тайрч авсан. Хэн энэ хэрэгт гараа оролцуулсан байж болох вэ?
- Нөгөө эд мөрийн баримтыг бүрдүүлсэн хүн мөн болов уу? гэж Хадер саналаа хэлэв. Фостер хөмсгөө өргөв
- Би тэгж бодохгүй байна. Дарбиширийн төрсөн он сар өдрийг олох тал дээр би санаа тавина. Чи 1879 оны хэрэгтэй энэ ямар холбоог олж мэд. Нэлла Перриг ч мөн адил. Түүний өвөг нь ямар нэг юм харсан учраас нүдийг нь ухаж авсан. Гол гэрч байсан Стаффорд Пиерситэй холбоотой үгүйг шалгаж үз. Хэрэв бид энэ дөрвийн өвөг эцэг нар энэ хэрэгтэй холбоотой гэдгийг олж мэдвэл өөр хэн энэ хэргээс үлдэж хоцорсныг мэдэж магадгүй. Түүний үр хойч одоохондоо алагдаагүй байгаа.
- Бид дараагийнх нь хэн болохыг мэдэж чадах нь байна.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:09 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 12:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
23


Тэр орой Фостер Барнесын арга барилаар ажиллах хэрэгтэй болов. Ядарч сульдсан тэрээр Жон Фэйрберний байшингийн урд машин дотроо сууж байлаа. Наижлын гаргасан ерөнхий жагсаалтыг Хан авч гүйцээжээ. Жон Фэйрберний нэр жагсаалтын хоёрт бичигдсэн байв. Жагсаалтанд бичсэн нэрс Фостерын бодож байснаас цөөхөн, дөнгөж гучин хоёр байлаа. Нэрсийн жагсаалтын эхэнд сувиллын газар амьдардаг, наян хоёр настай эмгэн байлаа. Тэр эмгэн одоо зөвхөн гуурсаар хооллодог ажээ.
Патрисиа МакДугаллыг олсон газраас өөр ул мөр олджээ. Сэрүүлгэн радионы СД тоглуулагчийн тагны араас олдсон хурууны хээ Нэлла Перригийн нүдийг хийсэн хайрцган дээрхтэй тохирсонгүй. Бүх хамаатан садангуудын хэрэгт хамааралгүй эсэхийг мэдэхийн тулд Фостер Фэйрбернийхний хурууны хээг авах хэрэгтэй байлаа.
Фостер Дринквотерыг дагуулан очиж хаалгыг тогшив. Дөч орчим насны хүрэн үстэй, гартаа цайны аяга барьсан эр хаалга онгойлголоо. Гэрийн эзэн тэднийг хараад
- Танд юу хэрэгтэй вэ? гэж асуулаа.
Фостер үнэмлэхээ гарган үзүүлж
- Ноёр Фэйрберн мөн үү? гэлээ.
Нөгөө эр толгой дохиод нүдээ онийлгон тэднийг харлаа.
- Саад болсонд биднийг уучлаарай. Та бидэнд жаахан цаг гаргаж чадахсан болов уу?
- Ямар хэргээр явж байгаа юм бэ?
- Тэр талаар бид тантай ярилцаж болох уу? гэж Фостер хэлээд хаалганы дэргэд ярихыг хүсэхгүй байсан тул дотогшоо гараараа зангав. Тэд Фэйрбернийг дагаж орцгоолоо. Гэрт тохилог, дулаахан, гал тогооны өрөөнөөс хоолны үнэр ханхална. Гэрийн эзэгтэй гараа алчууранд арчсаар хүрч ирсэнд Фостер мэнд мэдэж толгой дохиод
- Сайхан үнэртэж байна шүү гэлээ. Эзэгтэй инээмсэглэснээ, бүх юм зүгээр эсэхийг мэдэхээр нөхөр лүүгээ харав.
- Энэ мөрдөгчид бидэнтэй ярилцахыг хүсэж байна гэнэ.
- Ер нь бол зөвхөн тантай, ноён Фэйрберн. Энэ байцаалт биш болохоор таны эхнэр бас хамт сууж болно гэж Фостер хэллээ.
Тэд буйдантай өрөөнд орж сууцгаахад Фэйрберн зурагтныхаа дууг хаагаад
- Та нар цай эсвэл кофе уух уу? гэж асуулаа.
- Хэрэггүй, танд баярлалаа. Би өдөржин кофе уусан гэж Фостер хариулав.
Дринквотер жимсний шүүс уухыг хүссэнд хатагтай Фэйрберн хурдан явж сав дүүрэн мөс авчирч ширээн дээр тавилаа.
- За, та нар юуны талаар ярихыг хүссэн юм бэ? гэж Фэйрберн асуулаа. Фостер гүн амьсгал авснаа
- Та хоёр гэр бүлийн түүх намтрыг сонирхдог уу? гэж хариу асуув. Фэйрберн эхнэрийнх нь гарыг гуйсан мэт Фостер луу гайхсан харцаар ширтчихэв.
- Та тоглоогүй биз?
- Үгүй, тоглоогүй ээ. Гэр бүлийн хоёр мэлэрч гайхсан харцаар бие бие рүүгээ харав.
- Би үүнийг сонирхдог. Аль хэдэн жилийн өмнөөс энэ миний хобби болсон.
- Тэгвэл та гэр бүлийнхээ түүх намтрыг мэддэг байх нь ээ?
- Тийм ээ, 1740 он хүртэл. Латинаар хэл мэдэхгүй болохоор би цааш нь судалж чадаагүй. Яг юутай холбоотой болохыг асууж болох уу?
- Эке Фэйрберний тухай. Фэйрберн Фостерыг үг дуугүй хэсэг харж сууснаа
- Бурхны нэрийг барьж асуухад та яаж Экег мэддэг билээ?
- Тайлбарлахад хэцүү явдал байгаа юм гэж Фостер хэлээд
- Эхлээд би танд хэдэн асуулт тавих гэсэн юм. Дараа нь би танд учрыг нь тайлбарлаж өгье. Түүний юу хийснийг та мэдэх үү?
- Тэр алуурчин байсан. 1879 онд тэр хоёр хүн алсан хэргээр Ньюгэйтийн шоронд цаазлуулсан.
- Та энэ тухай хэзээ мэдсэн юм бэ? Фэйрберн эхнэр лүүгээ харснаа
- Тав орчим жилийн өмнө бил үү? гэж асуулаа. Эхнэр нь толгой дохиод
- Тав орчим жил гэж батлан хэлэв.
- Удамд чинь алуурчин байсныг мэдэхэд танд ямар санагдсан бэ? Фэйрберн мөрөө хавчсанаа
- Үнэнийг хэлэхэд би маш их гайхсан. Би өвөг дээдсээрээ бахархдаг хүмүүсийн тоонд багтдаггүй.
- Өвөг дээдсээрээ бахархах гэнэ ээ?
- Тийм ээ. Би гэр бүлийн түүх сонирхогчдын клубын гишүүн. Тэнд чи тийм хүмүүстэй зөндөө тааралдана. Тэд бол амжилтанд хүрсэн, эр зоригтой байсан гэгдэх удмынхаа хэн нэгнээр бахархаж явдаг хүмүүс юм. Тэдний тоонд ордоггүй хүмүүс цахлайтсан хонь мэт aд үзэгдэнэ. Зарим хүн тэднийг азгүй амьтад, шоовдор хүмүүс гэж үзэн сэтгэлийн дэм үзүүлдэг, харин зарим нь тэднийг тэнд байхгүй юм шиг л харьцана шүү дээ.
- Та өвөг эцэгт чинь тохиолдсон явдлыг судалж үзсэн үү?
- Би хэдэн сонины нийтлэл уншсан гэж Фэйрберн хэлчихээд цааш тэсэхээ байж
- Намайг өршөөгөөрэй. Гэхдээ үүнийг яагаад сонирхоод байгааг тань би мэдмээр байна. Энэ хэргийг дахиж задласан юм уу?
- Тэгж хэлж болох юм гэж Фостер хэлээд бүгдийг хэлэхээр шийдлээ.
- Өнгөрсөн долоо хоногуудад Умард Лондонд хэдэн хүн амины хэрэг гарсан. Гэмт хэрэгтэн 1879 онд таны өвөг эцэг дүүжлэгдэх шалтгаан болсон хүн амины хэргүүдийг хуулбарлан үйлдэж байна. Бид Экег буруутан биш байсан гэдэгт итгэж байгаа. Бас хэвлэл мэдээлийнхэн болон олон нийтийн үймээн шуугианыг дарахын тулд цагдаагийнхан түүнд хилс хэрэг тохож хэлмэгдүүлсэн. Фэйрберн хэлгүй мэт болчихов. Ам нь ангалзах боловч тэр ямар ч авиа гаргаж чадсангүй.
- Хүн амины хэрэг үйлдсэн алуурчин гэгдэх Экег хилсдүүлсэн гэдгийг мэдээд өшөө авч байна гэж бид бодож байна. Юуны өмнө Бид Эке Фэйрберний удмынхан энэ хэргийн сэжигтэн биш гэдгийг нотлох хэрэгтэй байна. Фэйрберн сонссон зүйлдээ итгэж ч чадахгүй түүнийг хараад
- Намайг сэжиглэж байгаа юм уу?
- Тийм, бас үгүй.
- Би хэнийг ч алаагүй гэдгээ шударгаар хэлье гэж Фэйрберн ууртай хэллээ.
- Би үүнийг хүлээж авлаа гээд Фостер
- Харин бид таны хурууны хээг шинжилж сэжигтэн биш гэдгийг батлавал энэ мөрдлөгт их тус болно гэж хэлэв.
Фэйрберн зөвшөөрлөө. Дринквотер Фэйрберний хурууны хээг аваад дараа нь түүнийг цогцоснууд олдсон тэр хэдэн орой хаана байсныг лавлаж асуулаа. Тэр гэртээ байсан гэсэн бөгөөд үүнийг эхнэр нь батлав. Фостер түүнд итгэж байсан ч дараагийн хорин дөрвөн цагт ажиглалтан доор байлгахаар шийдэв. Дринквотерыг үүрэгт ажлаа дуусахад Фостер хэдэн асуулт нэмж тавилаа.
- Та Эке Фэйрберний тухай гэр бүлийн гишүүд, найз нөхөддөө ярьж байсан уу?
- Миний ойрын төрлийнхэн энэ талаар мэднэ. Миний хүү их сургуульд сурдаг, охин тэр орой найз охиныдоо байсан. Миний ах эхнэртэйгээ хамт Оксфордод амьдардаг. Бас миний гэр бүлийн түүх сонирхогчдын клуб байна.
- Тэнд бүгд энэ түүхийг мэдэх үү?
- Тийм ээ, би энэ тухай бяцxан илтгэл тавьсан юм.
- Хэзээ?
- Жилийн өмнө. Тэд бүр гайхсан шүү. Танд хэлж байсанчлан зөвхөн гэнэт баяжсан ч юм уу олон хүүхэдтэй болсон хүмүүс ч биш ихэнх өвөг дээдсийнхээ түүх намтрыг сонирхдог хүмүүс сайнаар хүлээж авсан.
- Таны илтгэлийг бусдаас илүү сонирхож, анхаарал хандуулсан эсвэл олон асуулт тавьсан хүн ажиглагдсан уу?
Фэйрберн бардамнасан шинжтэй инээмсэглэв. Фостер ядраагүй байсан бол түүнд уурламаар байлаа.
- Мөрдөгч өө, би дөчин есөн настай. Бүлгэмийн бусад хүмүүстэй харьцуулбал би чинь нэг муу нусгай жаал байхгүй юу. Клубын гишүүдээс хүн амины хэрэг үйлдэх хүн байхгүй. Харин маргааш орой бидний сар тутмын цуглаан болно. Та ч гэсэн очиж алуурчин баймаар хүн байгаа үгүйг харж болно.
Фостер үл мэдэг инээмсэглээд клуб, нарийн бичгийн даргын нэрийг тэмдэглэж авлаа. Түүний найдаж байснаас эсрэгээрээ хилс хэргийн тухай мэддэг хүмүүсийн хүрээ улам томорч байна даа гэж Фостер бодоод хүсэл зориг нь мохсон шиг санагдав. Тэр явахаар бостол
- Та яагаад Экег гэм буруугүй байсан гэж бодсон юм бэ? гэж Фэйрберн асуув.
- Би ямар нэг алдааг үнэрч нохой шиг мэддэг юм гэж Фостер хариуллаа. Дүүжлүүлэхийнхээ өмнө Эке Фэйрберний яснууд хугарсан байсан гэж тэр хэлж чадсангүй. Жон Фэйрберн үүнийг өөрөө олж мэдэх юм шиг Фостерт санагдав.
- Гайхалтай гэж Фэйрберн хэлээд Фостер Дринквотер хоёрыг гаргаж өгөхөөр үүд рүү хамт явлаа.
- Би ахтайгаа нэг удаа энэ тухай ярилцсан юм. Тэр үед намайг гэр бүлийнхээ түүх намтрыг судалж эхлэхэд ээж маань надад маш их уурласан. Ээж цусан төрлийнхний маань дунд алуурчин байсан учир намайг гүнзгий ухаж төнхөх хэрэггүй гэж хэлсэн. Дөрвөн жилийн өмнө нас барсан ээж маань түүнээс маш их ичдэг байсан. Энэ бол бараг өөр хоорондоо ч ярьж чаддаггүй бидний түүх намтарт өчнөөн олон жил хар толбо болж үлдсэн юм. Гэтэл одоо ичиж зовоод байхаар юм байгаагүй болж таарч байна. Тэр гэм буруугүй байжээ.
Тэд гар барилцаад салж явцгаалаа. Фостерт бас нэг тайлах оньсого гарч ирэв. Гэр бүлийнхэн нь Экегээс болж ичиж зовдог байсан гэнэ үү? Тэгэхээр Клара ахыгаа гэм буруугүй байсан гэж хэлээгүй байж таарах нь. Тэр магадгүй түүнийг буруутай гэдэгт итгэдэг байжээ.
- Тэр энэ түүх намтрыг судалж байсан нь сонирхол татаж байна гээд Дринквотер
- Магадгүй тэр шүүхийн буруу шийдвэрийг олж мэдсэн мөртлөө бидэнд үнэнээ хэлээгүй байх гэж нэмж хэллээ.
Фостер толгой сэгсэрч
- Би тэгж бодохгүй байна гэв.Фэйрберн эх нь өвөг эцгийнх нь тухайд барьж байсан байр суурины талаар хэрхэн ярьсныг Фостер бодоод түүнд их өрөвдөлтэй, харамсалтай санагдав. Эке Фэйрберн үхэх ялаар шийтгүүлээд зогссонгүй, түүний нэр үхснийх нь дараа ч зууны турш овгийг нь өвлөж авсан хүмүүсийн бусдаас ичиж зовох шалтгаан болж байжээ.

Оройн арван цаг болоход Наижл ажлаа дуусгав. Өдрийн турш цаас ширтсээр толгой нь өвджээ. Тэр гэртээ харьж, хэдэн цаг унтаж амран толгойгоо сэргээхийг хүсэж байлаа. Ажлын явцыг харвал маргааш бүтэн өдөр, магадгүй орой болтол суух төлөвтэй байв.
Наижл гэртээ орж ирэнгүүтээ буйдан дээрээ тэрийн унаад энэ чигээрээ унтсан ч болохгүй юм алга гэж бодлоо. Тэр радиогоо асааж ББС 4 дээр сувгийг тааруулан шөнийн турш намуухан дуунд бүүвэйлэгдэн унтахаар тухлан хэвтэв. Нэг эрэгтэй номноос аяны тэмдэглэл чангаар шулганан уншина. Наижлын нүд анилдаж эхэлтэл гэнэт үүдний хонхны жингэнэн дуугарч тэр их цочив. Энэ орой болсон хойно ямар чөтгөр нь ирдэг байна аа? Наижл нэг халамцуу хүн буруу хонх дарсан биз гэж бодоод дотуур холбоо руу очиж
- Хэн бэ? гэж бухимдаж уурласан хоолойгоор асуулаа.
- Хадер.
- Өө,
- Уучлаарай, би чамайг сэрээчихсэн үү?
- Үгүй, тийм юм болоогүй. Би гэртээ дөнгөж ирээд байна. Тэгээд радиогоо асааж...
- Би дотогшоо орж болох уу? Шевертс Буш их сайхан газар юм. Гэхдээ би энд шөнөжин зогсмооргүй байна.
- Тэгэлгүй яахав, уучлаарай. Би жаахан сандраад...
Наижл хаалга онгойлгох товчлуур дээр дарж, доор хаалга онгойн Хадерын шатаар өгсөх чимээг сонсоод үүдээ нээлээ. Хадер шатан дээр гартаа дарс бололтой нэг боодолтой юм барьчихсан гарч ирлээ.
Наижл Хадерыг дотогш оруулахад тэр үнэртэн
сэнгэнүүлэн хажуугаар нь өнгөрч зочны өрөө рүү явлаа. Хадер хүрмээ тайлж буйдангийн түшлэг дээр тавих зуур
- Сайхан сэтгэл гаргаж үүнийг онгойлгоод өгөөч гэж хэлээд цаасанд ороолттой дарсаа Наижлд өглөө.
- Бүтэн долоо хоног би бараг юу ч уусангүй, одоо харин ганц хундага уумаар байна. Би сая чиний гаргасан жагсаалтанд байсан Фэйрбернийхний нэгнийд очоод ирлээ. Сэжигтэй юм олоогүй. Тэднийх энэ хавьд ойрхон байсан болохоор
хэр байгааг чинь мэдэхээр ирлээ.
Наижл инээмсэглэлээ. Тэр хэдийгээр их ядарч унтаж амарна гэж бодож байсан ч Хадерын энд байгаа нь түүнд сайхан санагдав. Дарс ч гэсэн муугүй санаа байлаа. Хадер Нелла Перригийн аллага болсны дараахь өглөө мэргэжлийн үүднээс түүнд санаа тавих гэж энд ирсэн. Одоо бол өөр хэрэг байлаа. Хэдэн цагийн дараа тэд хоёулаа ажиллах хэрэгтэй гэж бодохоор Наижлд харамсалтай байв. Түүнд энэ баасан гаригийн орой жирийн нэг орой биш, бас тэд урьд нь байдгаасаа өөр байх шиг санагджээ. Наижл гал тогоо руу явж дүүрэн халбага сэрээ, хоолны хэрэглэл хийсэн шургуулгаа онгичсоор ашгүй дарс онгойлгогчоо олов. Хадер ард нь онгорхой хаалгаар цухуйгаад
- Эрж хайх ажил чинь хэр явж байна вэ? гэж асуув.
- Сайн явж байгаа гэж тэр хэлэх зуур онгойлгогчоор дарсны хөөсөн бөглөөг болгоомжтой сугалж авлаа. Наижл ханын шүүгээнээс хааяа хэрэглэдэг хоёр хундага авч дарс хийгээд нэгийг нь Хадерт өгөв.
- Алуурчинг хорин дөрвөн цагийн дотор барихын тулд гэж Наижл үгээ үргэлжлүүлэн хэлэв.
Хадер чанга хөхөрлөө. Түүнийг инээхэд царай нь гэрэлтэх мэт Наижлд санагдав. Хадер дарснаасаа нэг балгаад дух руугаа унжсан туг үсээ илж хойшлуулав.
- За тэгээд, цааш нь ... гэж тэр хэлээд буйдан сандал дээр суулаа. Наижл буйдан дээр суугаад ярьж эхлэв.
- Эллисийн овгийн нэр их элбэг болохоор амаргүй байх болно. Тийм учраас би одоохондоо эхлээгүй байна. Дарбиширыг би эхэлж судласан. Түүний овог дан "а" эсвэл "э"-тэй бичигддэг учраас бас амар байсангүй. Гэхдээ би 1879 он хүртэл үүнийг хайж олсон. Түүний элэнц өвөө нь тэр үед нэг сонинд редактор байсан Айвор Дарбишир гэгч байжээ.
- Ямар сонин бэ?
- Тэрнийг би одоохондоо мэдээгүй байна. Түүний нэр Хэний хэн вэ? лавлах номд байхгүй байсан, тэгэхээр тэр том сонины газар ажиллаж байгаагүй. Айвор Дарбишир Кенсингтонд амьдарч байсан болохоор цагдаагийнханд нилээн шүүмжлэлтэй ханддаг байсан Кенсингтоны Мэдээ сонинд ажиллаж байсан байж магадгүй. Хадер толгой дохиод
- Дарбиширийн сарвуунуудыг тасалсан. Сэтгүүлчид өөрсдийн санаж бодсноо бичгийн машинаар эсвэл гараараа бичиж илэрхийлдэг. Тэгэхээр энэ тохирч байна гэж хэллээ.
- Би бас Нэлла Перригийн өвөг эцгийг олсон.
Хадер цүнхнээсээ тэмдэглэлийн дэвтэр гаргаж ирлээ.
- Түүний элэнц өвөө нь Фэйрберний шүүх хуралд гэрчээр оролцсон Стаффорд Пиерси мөн байна лээ.
- Бинго.
- Энэ тийм ч хялбар байгаагүй. Тэдний удамд Пиерси гэдэг нэртэй хүмүүс байгаагүй. Харин би Сиэмус Перри гэдэг 1892 онд төрсөн, эцэг нь тодорхой бус хүн олсон. Түүний эх нь Ирланд гаралтай Ниэф Перри гэдэг эмэгтэй байсан. Түүний нэр төрсний гэрчилгээн дээр бичигдсэн, харин эцгийн нэр байгаагүй. 1891 оны хүн амын тооллогонд би тэр эмэгтэйг олсон. Тэр Стаффорд Пиерсигийн гэрийн үйлчлэгч байжээ.
- Пиерси гэрлэсэн байсан уу?
Наижл толгой дохилоо.
- Муу хөгшин төгцөг.
-Тэр Ниэфийг ямартай ч мөнгөгүй хоосон үлдээгээгүй байна гэж Наижл нэмж хэлэв.
- Тэгээд л Перригийнхэн хөрөнгөө Ноттинг Хиллд арвижуулсан байж дээ. Элэнц эмээ нь эзэнтэйгээ явалдсанаас тэдний удам үүссэн гэдгийг тэд мэддэг болов уу?
- Стаффорд Пиерси яагаад Экегийн эсрэг мэдүүлэг өгснийг би мэдэх шиг болсон гэж Наижл хэлээд
- Пиерси хөрөнгө шамшигдуулсан хэргээр шоронд хоригдож байгаад 1893 онд нас барсан байна. Тэр магадгүй иймэрхүү хэргийг олон жилийн турш үйлдэж, цагдаагийнханд хахууль өгч аргалдаг, эсвэл Фэйрберний шүүх хурал дээр худлаа мэдүүлэг өгсөн шигээ тэдэнд ашиглуулдаг байсан биз гэлээ.
Хадер санал нэгтэй байгаагаа харуулах мэт толгой сэгсрэв. Тэд радио сонсож хэсэг чимээгүй сууцгаалаа. Наижлд уул нь чимээгүй аниргүй сууцгаах нь эвгүй санагдаж энэ байдлыг эвдэхийг оролддог бол харин энэ удаа тэгсэнгүй.
- Одоо бидэнд алуурчин энэ хэргүүдийг ямар зорилготой үйлдэж байгаа нь тодорхой болсон. 125 жилийн өмнө болсон хэргийн төлөө өш хонзонгоо авна гэвэл нэгэнт цаг хугацаагаар аялж чадахгүй учраас тэр буруутай хүмүүсийн генийг өвлөж авсан үр удмыг нь тамлаж алахаас өөр аргагүй байсан биз гэж Хадер эцэст нь хэлэв.
- Тэр өвөг эцгүүдийнх нь хийсэн хэргийн төлөөс болгон тэдэнд ял оноож шийтгэсэн байна гэж Наижл өөрийн бодлоо нэмж хэлээд
- Би нэг удаа Фостерт "Даравч далдайна, булавч бултайна" гэж хэлсэн. Өнгөрсөн бүхэн бидний дэргэд оршсоор байдаг, чи түүнээс бултаж зайлж чадахгүй гэлээ.
Наижл Хадерын хоосорсон хундагыг авч гал тогооны өрөө рүү очиж дарсаар дүүргэв. Түүнд Хадерын энд байгаа, бас дарс уусан нь нөлөөлсөн бололтой ядарч байсан нь ор мөргүй арилжээ. Наижлыг буцаж ирэхэд Хадер түүнийг сонирхсон харцаар ширтэн
- Чи өөрийнхөө өнгөрсөн цаг үеийг хэзээ эргэж харъя гэж бодож байна? гэлээ.
- Тэр чинь юу гэсэн үг вэ? гэж Наижл болгоомжтой асуулаа.
- Чиний төрсөн гэр бүлийнхэн. Кофены газар анх уулзахад Фостер бид хоёрт чи өөрийгөө өргөмөл, төрсөн эцэг эхээ мэдэхгүй гэж хэлж байсан.
- Өө тийм л дээ. Би заримдаа үүнийг хэзээ нэг цагт тодруулна гэж боддог.
Энэ бол худлаа байлаа. Наижл өөрийн энэ нууцлаг өнгөрсөн үеийн тухай ер нь боддоггүй ажээ. Тэр хэдэн мянган гэр бүлийн түүх намтрыг төлбөр аван амжилттай судалж байсан. Тэгсэн ч загасчны морь усгүй гэдэг шиг тэр өөрийнхөө талаар юу ч мэдэлгүй өнгөрчээ. Гэхдээ Наижл энэ тал дээр хэзээ нэг өдөр шийдвэр гаргана гэдгээ мэддэг.
- Чамайг тэр бүртгэл анкетуудыг үзэж байхдаа төрсөн эцэг эхээ хайж чадна гэж би бодсон юмсан гэж Хадер хэлэв.
- Тэгж болно.
- Гэхдээ чи үүнийг хийж үзээгүй байх нь ээ?
- Хийж үзэлгүй яахав.
- Тэгээд чи юу олж чадсан бэ? Хэрэгт дурлаж байгааг минь өршөөгөөрэй. Наижл инээвхийлэн
- Зүгээр дээ гэснээ
- Олж тодруулахад хэцүү байсан. Би нэг эмэгтэйн хаягийг олсон боловч тэр нас барчихсан байсан. Эцгийн талаар ямар ч мэдээлэл байхгүй болохоор түүний тухай хэлж өгөх хүн олдоогүй. Тэгээд л би үүнийг орхичихсон. Өмнөх зүйлийг мэдэхгүйгээр хүн амьдарч болно шүү дээ. Чи бүгдийг мэдэж чадаагүй ч сэтгэл өвтгөхөөр юм олж мэдэхгүй байна гэдэг тийм ч муу юм биш. Ингэж бодох нь бас сэтгэлд амар байдаг юм. Тэгсэн ч бүхнийг мэдэж чадаагүй болохоор чи дотроо хариулт аваагүй бөөн асуулт тээж, сэтгэл гонсгор үлддэг гэлээ.
Наижл дарснаас нэг том балгалаа. Хадер туг үсээрээ оролдох зуур түүнийг ажиглан харсаар. Түүнд тавих олон асуулт байгаа гэдгийг Наижл мэдсэн ч энэ хэцүү санагдсангүй, харин өөрийг нь сонирхож байгаа нь таатай санагдав.
- Чамд хөгжим бий юу? гэж Хадер гэнэт асуулаа.
- Надад пянз тоглуулагч бий гэж Наижл хариулаад ном, сэтгүүл дүүрэн өрөөгөө тойруулан харснаа
- Тэр энд хаа нэгтээ байх ёстой гэлээ.
- Хөөе, пянз гэсэн үү? Есүс минь. Наижл, чи их хоцрогджээ.
- Би хуучны эд зүйлсэд их дуртай. Орчин үеийн юмс хурдан хуучирч моодноос амархан гардаг, эсвэл худалдаанд шинэ загвар нь гарч ирээд хуучнаа орхихоос өөр аргагүй болдог. Тэд чинь бүгд бөөний бараа, хог новш. Би сэтгэлээ зориулж хийсэн чанар сайтай юманд дуртай.
Наижл босож, номын шүүгээ рүү очин давхарлаж тавьсан сэтгүүлүүдийг зайлуулж, тоосонд дарагдсан пянз тоглуулагч гаргаж ирлээ. Тэр тоглуулагчийн тагийг онгойлготол гар нь хугарчихсан байв.
- Гар нь хугарчихаж гэж тэр хэлээд хугархайг өргөж Хадерт харууллаа.
- Чамд хэзээ ч СД тоглуулагч байгаагүй гэдэгт итгэмээргүй юм аа гэж Хадер хэлээд радио руу очиж хөгжмийн суваг дээр тааруулав. Энэ бол Наижлын мэдэхгүй нэг хуучны гоцлол дуу байлаа. Түүний сонирхол далаад оны эхээр хит болж байсан хэдэн дуунууд, Леонард Гохан, Наил Янг, Боб Диланы бүтээлүүдээс хэтэрдэггүй, бүх цуглуулгаа түүний төрсөн он, 1974 хүргээд орхижээ. Саксафон хөгжим гэнэт чанга эгшиглэж эхлэхэд Хадер өөрийн эрхгүй инээд алдснаа суудалдаа эргэж суугаад хундагатай дарснаас уулаа. Наижл дахин дарс нэмж хундгалах гэтэл Хадер татгалзан
- Би жолоо барих ёстой гэлээ.
Наижл өөртөө дарс жаахан нэмж хийгээд тэд хамтдаа хөгжим сонсож хэсэг суув. Хадер нүдээ аньжээ. Наижл түүнийг унтчихсан юм болов уу гэж өөрөөсөө асуув. Хөгжмийн ая дуусангуут Хадер нүдээ нээлээ. Тэр гүн санаа алдснаа
- Ажлынхаа завсраар хааяа тайвширч амрах ч сайхан шүү. Фостер ингэж чаддаггүй юм. Энэ түүнд маш хэрэгтэй гэж би бодож байна гэв. Наижл Фостерыг ойлгож байлаа. Нэлла Перригийн цогцсыг олсон тэр оройноос хойш Наижл алуурчинг баригдаасай гэж маш их хүсэж байгаа билээ. Тэр өөрөө тайван унтаж чадахаа байж, алуурчинг олохын тулд өнгөрсөн үйл явдлыг судалж, өөрийгөө аль болох завгүй байлгах болжээ. Хадер бодлыг нь уншсан мэт
- Би чиний юу мэдэрч байгааг ойлгож байна. Энэ их шаналгаатай байдаг гэж хэлснээ гараа дэлгэн
- Миний ертөнцөд тавтай морил гэлээ.
- Чамайг яагаад мөрдөгч болсныг асуувал чи дургүйцэхгүй биз?
- Үгүй яалаа гэж. Би гэмт хэргийг илрүүлэх арга барилаар суралцсан юм. Сургуулиа төгсчихөөд юу хийх вэ гэж бодсон чинь надад хоёр сонголт байсан. Цааш суралцаж, зөвхөн онолоор дагнаж гавьтай хийж бүтээсэн юмгүй үлдэх, эсвэл цагдаагийн газар ажилд орох. Би тийм ч сайхан харагддаггүй, хэцүүг нь сонгосон.
- Тэгвэл яагаад Лондонд гэж?
- Ажлын маань хувьд их юм сурж мэдэж болох хамгийн сонирхолтой газар, бас энд юу ч тохиолдож мэднэ гэж би хэлмээр л байна. Энэ ч бас тийм. Яг үнэндээ би нэг эр хүнээс болж энд ирсэн юм. Тэр бид хоёрын харьцаанд сайн сайхан зүйл болоогүй ч, Лондон хот бид хоёрын хувьд бол өөр хэрэг.
Тэд дахиад нэг хэсэг чимээгүй сууцгаалаа. Радио ч дуугүй болов. Хадер гэнэт
- Их сургууль дээр чиний зүрхийг хэн шархлуулсан юм бэ? гэж асуулаа. Наижл цочирдсон хэдий ч дарс зоригтой байхад нь тус болов.
- Миний зүрхийг шархалсан гэж чамд хэн хэлсэн юм бэ? гэж тэр зориглон асуулаа.
- Чи өөрөө хэлсэн. Намайг өнгөрсөн бүтэн сайнд энд байхад чи энэ талаар олон юм хэлээгүй ч би харцнаас чинь мэдсэн юм. Чи энэ хоёр цэнхэр нүдээрээ их эмзэглэж, зовж шаналсан шинжтэй харж байсан. Наижл юу хэлэхээ мэдсэнгүй.
- Би чиний энэ нүд, дөрвөлжин хүрээтэй зузаан нүдний шил, тэгээд энэ ичингүйрсэн инээмсэглэл, энэ бүгд эмэгтэй оюутнуудын анхаарлыг их татдаг байсан гэж мөрийцье.
Наижлын сандарсан царайг харсан Хадер дуугаа өндөрсгөн
- Нээрэн оюутан байсан юм уу? гэж гайхан асуулаа.
Наижл толгой дохив. Хадертай дарс хувааж ууж байгаа нь зөвхөн нэг удаагийнх биш гэдэгт итгэсэн тэрвээр түүнд бүх үнэнийг ярьсан нь дээр юм шиг санагдав.
- Тэр хорин есөн настай, философийн ангийн оюутан байсан . Миний оюутан биш. Би гэр бүлийн түүх судлалын хичээл заадаг байсан боловч надад тэр ангид түүхийн хэдэн хичээл заахыг санал болгосон юм. Лили мастераа хамгаалаад их сургуульд үлдэж ажиллахыг хүсэж байсан болохоор би түүнд надтай хамт гэр бүлийн түүх судлалын дамжаа нээж ажиллах санал тавьсан. Бид дотно найзалж дараа нь... Наижл тохирсон үг олж хэлэхийг оролдов.
- Дараа нь та нар хайр сэтгэлийн холбоотой болсон уу? гэж Хадер туслах гэсэн мэт асууснаа нүдээ анивчлаа.
- Тэгж хэлж болох юм, тийм ээ.
- Яагаад больчихсон юм бэ?
- Тэр гэрлэсэн байсан.
- Өө.
- Биднийг үерхдэг байхад тэр нөхрөөсөө тусдаа амьдарч байжээ. Би түүнийг нөхөртэй гэж мэдээгүй. Тэр энэ тухайгаа надад сүүлд хэлсэн. Тэгээд нөхөр нь эргэж нийлье гэж хэлсэн, тэр ч бас дахин оролдож үзэхээр шийдсэн гэсэн.
- Тэр өдөр л чамд тэр нөхөртэй гэдгээ хэлсэн юм уу? Яадаг гичий вэ гэж Хадер зэвүүцэн хэллээ.
- Тийм ээ. Тэр надад сайн болсондоо хамт байсан биш юм шиг байна лээ. Тэр их сургуульд ажиллахаар болсон. Үнэнийг хэлэхэд өчнөөн юм болсны дараа өдөр бүр түүнтэй хамт ажиллана гэдэг надад хэцүү санагдсан. Түүнээс гадна их сургууль мөнгөгүй болж гэр бүлийн түүх судлалд зарцуулах зардал маш бага болсон. Тэгээд л би тэндээс явсан даа.
- Чи зөв юм хийсэн байна. Наижл мөрөө хавчснаа
- Одоо би үүнийг тоохоо больсон гэлээ. Хадер хөмсгөө өргөж
- Чи яагаад ингэж хэлж байгаа юм бэ? гэж асуув. Нүүр нь халуу шатаж улаа бутрахыг Наижл мэдэрлээ. Хадер инээмсэглэснээ
- Чи бараг шургаж унах гэж байна. Одоо амарсан чинь дээр. Би чамайг төрсний гэрчилгээнүүд дээр унтаад өгөөсэй гэж хүсэхгүй байна гэж хэлээд босов. Наижл бас түүнийг дагаж босохдоо
- Би энэ талаар анх удаа л чамд ярилаа гэлээ. Хадер
- Таны хэлсэн бүхэн чинь шүүх хурлын өмнө таны эсрэг ашиглагдах болно гэж хэлэв.
Наижл хэдийгээр их ядарсан байсан ч түүнийг явуулмааргүй байлаа. Хадерын энд байх нь түүнийг тайвшруулж байжээ. Түүнийг явсны дараа орондоо орвол харанхуйд Нэлла Перригийн дүр нүднийх нь өмнө дахин гарч ирэн унтаж чадахгүй хөрвөөсөөр байх болно гэдгээ Наижл мэдэж байв.
- Ирсэнд чинь баярлалаа гэж хэлэхэд нь Хадер дахиад инээд алдахыг хараад Наижл
- Би чин сэтгэлээсээ хэлж байна гэж нэмж хэллээ. Хадер хаалганы дэргэд дотроо эргэлзсэн мэт зогсчихов. Ямар нэг юм хэлэх эсвэл хийх ёстой юм шиг Наижлд санагдлаа. Тэгтэл
- Зүгээр ээ гэж Хадер хэлснээ мөрөн дээр нь гараа тавиад хацрыг нь үнсэв. Түүний уруул зөөлхөн ажээ. Хадер цүнхээ мөрөндөө тохоод хаалга руу эргэн алхах үедээ
- Юмыг яаж мэдэхэв, энэ хэрэг дуусвал дахиад хамт ингэж суух ч юм бил үү. Хэрвээ тэгвэл надад сайхан санагдах болно гэснээ
- Харин дараагийн удаа чи ахиухан дарсны бөглөө мултлахад санаа тавиарай гэж нэмж хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:11 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 12:46 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
24


Өглөө эрт Наижлын суусан такси Лондон хотын хоосон шахам гудамжаар сурмаг гэгч нь сум шиг хурдалсаар ГБТ-ийн өмнө ирж зогслоо. Наижл дөрвөн цаг орчим л унтжээ. Цайны газар хүнгүй хоосон байсан тул тэр жаахан эрч хүч авахаар тамхиа хэдэн удаа ороож татлаа. Автомат машины кофе нэртэй хөөсөрч зунгааралдсан шингэн түүнд энэ эрч хүчийг өгч чаддаггүй ажээ.
Тэр шүүх хуралд оролцсон хүмүүсийг судалж үзээд, үр хойч нь одоогоор аюулд учрах магадлалтай байгаа дараахь гурван хүнийг тогтоож чаджээ. Үүнд: улсын яллагчаар ажилласан парламентийн гишүүн, хааны зөвлөх, Жон.Ж.Дарт, Фэйрберний өмгөөлөгч байсан Жосеф Гаррет, Скотланд Ярдын мөрдөгч Хэнри Физер нар. Шүүх хурлын үед гол үүрэг гүйцэтгэсэн, чалчаа Дартын төрлийнхний аль нэгний хэлийг огтлох юм биш биз гэж Наижл айж түгшин бодлоо. Тэр Дартыг 1881 оны хүн амын тооллогын жагсаалтнаас амархан олов. Дарт тэр үед дөчин долоотой, тэр үеийн чинээлэг дүүргийн нэг Бэкслэй Хиетэд амьдарч байжээ.
Хадер орж ирэн дэргэд нь суугаад Наижлыг харан инээмсэглэлээ. Өчигдөр орой болсон явдлын дараа Хадерыг дахин харж чадах эсэхдээ эргэлзэж байсан Наижлын санаа амарч сэтгэл санаа нь өөдрөг болов. Тэр бидний хооронд юу ч болоогүй мэт байхыг хүсч байгаа юм болов уу? Хадерын инээмсэглэл энэ бодлыг үгүйсгэсэн боловч тэдэнд цаг бага байгааг сануулах мэт түгшсэн харцнаас нь ажлаа яаравчлан хийхийг хүсэж байгааг Наижл олж хараад дахин бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлэв.
Дартын нийгэмд эзэлж байсан өндөр байр суурины ачаар түүний үр хойч, төрөл төрөгсдийг олох нь хэцүү биш байлаа. Тэд нар Лондон хот болон алслагдсан хөдөө газар тархан амьдарцгааж байжээ. Өглөөний турш тэднийг эрж олох ажил үргэлжилсний эцэст Наижл бүх төрөл төрөгсдийн нэрсийн жагсаалтыг нэгтгэн гаргаж авав. Хадер нэрсийн жагсаалтыг мэдээллийн өрөө рүү факсаар дамжуулсныхаа дараа утсаар ярихаар түр холдон явахад нь Наижл түр завсарлахаар шийдэн цайны газар луу явлаа. Гэтэл гэнэт Дэйв Дакворт замыг нь хөндөлдөн гарч ирэв.
- Тэгэхээр Кэйбл гэм буруугүй байсан болж таарах шив гэж Дакворт хэллээ. Тэр гараа халаасандаа лав шургуулан хөлөн дээрээ тогтож ядах мэт займчин зогсоно.
- Тийм юм болсон гэсэн гэж Наижл хэлэв. Дакворт түүнийг анхааралтай ажиглан харснаа
- Миний хийж байгаа судалгаа ахиухан төлбөр амалсан учраас үүнийг ухаж төнхөж чадахгүй байгаа болохоор үнэндээ харамсалтай л байна гэж хэлээд санаа алдлаа.
- Би чамайг хувийн нарийн бичгийн даргатайгаа байхыг
харсан. Наижл кофеноосоо балгаад
- Энэ гаргаж байгаа зан авираас чинь ажаад байхад мөрдөгч болсон бол чамд дээр байж дээ.
- Ажил чинь сонирхолтой байгаа бололтой дог, тийм ээ? гэж Дакворт Наижлын егөөдлийг үл тоон асуулаа.
- Одоогоор амьд байгаа төрөл төрөгсдийн талаархи мэдээлэл хайж байгаа юм.
- Өө, миний хийж байгаатай адилхан юм байна. Ямартай ч эндээс овоохон мөнгө олж болно шүү гэж Дакворт хэлэв. Наижл түүнийг харснаа
- Гэхдээ энэ шуугиан тарьдаг хэвлэлийнхэнд тохирохоор мэдээлэл биш юм шиг санагдах юм. Үгүй гэж үү? Дакворт түүний ээлжит өгөөдлийг үл тоон
- Баян, нэр хүндтэй хүмүүсийн өнгөрсөн баларсныг ухаж төнхөхөөс залхаж байна. Харин иймэрхүү судалгаа хийх чинь сонирхолтой, бас маш их унацтай ажил. Би одоо энэ судалж байгаа Кэллог гэдэг тэр ер бусын эрийг сонирхож байгаа хүнээс илүү их мөнгө салгаж магадгүй юм шиг байна.
Наижл түүний ярихыг анзаарахаа больж толгой дохьсон болов. Тэр ажлаа үргэлжлүүлэхийн өмнө жаахан амрахыг хүсэж байлаа. Үдийн цайгаа уухаар ирж байгаа хүмүүсийн дунд Хадер тэднийг хянамгай ажигласаар ирж явахыг Наижл олж харав. Дакворт Хадерыг харангуутаа тэндээс холдон явлаа. Хадер түүний араас харснаа нүүрээ ярвайлгав.
- Энэ хачин нөхөр чамаас юу хүссэн юм бэ?
- Сурсан зангаараа энэ тэрийг шиншлээд л явж байна. Энэ бол түүний хийдэг ажлын нэг.
- Яадаг муу новш вэ гэж Хадер хэлээд
- Багийнхан Дартынхны жагсаалтыг авсан. Тэд хүн нэг бүрийг шалгаж үзнэ гэсэн.
- Нөгөө Фэйрбернийхний жагсаалт юу болсон бэ?
- Фостероос одоохондоо хэрэгтэй юм олж сонсоогүй. Тэр их ядарсан байна. Гурван өдөр нойргүй явж байгаад өчигдөр орой ажлын байран дээр хэдэн цаг дугхийсэн гэж тэр хэлсэн. Би Фостерыг гэртээ харьж жаахан амар гэсэн чинь надад бүр уурласан шүү. Тэр хэрвээ энэ чигээрээ яваад байвал үнэхээр шургаж унана.
Наижл ажлаа дахин үргэлжлүүлэхээр мөрдөгч Хенри Физерийн бүртгэл дээр анхаарлаа хандуулав. Түүний овгийн нэр хаанаас гаралтай нь тодорхой боллоо. Физер тухайн үед Прусст хамаарагдаж байсан Берлинд төржээ. 1848 онд эхэлсэн Европын ихэнх газар нутгийг хамарсан үймээний хөлөөс дайжин зугтаж эх орноо орхисон залуухан Физер тэр үед амгалан тайван байсан Англид ирж суурьшсан байна. Хенри Лондон хотын уугуул бүсгүй Мэритэй гэрлэж, Стэнли гэдэг хүүтэй болжээ. 1881 оны хүн амын тооллого хүртэл тэдний ихэнх мэдээллийг олоход амар байсан боловч 1891 оны хүн амын жагсаалтнаас Физерийн гэр бүлийнхнийг олсонгүй. Тэдний нэрс нас барагсдын бүртгэлд ч байсангүй.
Наижл цүнхнээсээ хаяг тэмдэглэдэг дэвтрээ гарган Германд амьдардаг, ажил төрлийн сайн холбоотой нэг удам судлаачийн дугаарыг оллоо. Германаас цагаачилж ирэгсдийн ихэнх нь нутаг руугаа буцдаг байжээ. Наижл танил руугаа утасдан Хенри буюу Хэнрих Физер, түүний англи гаралтай эхнэр болон хүүхдүүдийг 1881 оноос эхлэн бүртгэл анкетнаас олж өгөхийг хүсэв. Хэрвээ үүнийг хурдан хийж өгвөл сайн хөлс төлнө гэдгээ мэргэжил нэгтэндээ ойлгуулахаа Наижл мартсангүй. Эрэл мухардсанд Наижл бухимдаж уур нь хүрч байв. Иймэрхүү хүнд асуудлыг даваад гарчихвал харин үнэхээр урам зоригтой болдог ажээ. Ийм төрлийн ажил хийхэд харин чи сүсэг бишрэлээ умартаж, зөн билэгтээ найдах хэрэг их гарна. Тэр Физерийн асуудлыг түр цааш нь тавиад Жосеф Гарретийн мэдээллүүдийг хайсанд санасныг бодвол амархан байлаа. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гарретийн удмын эрэгтэйчүүд амь үрэгдэцгээж 1960-аад оны үед бараг хүн үлдээгүй байжээ. Наижл Гарретийн удмын одоо амьд байгаа таван хүнийг оллоо.
Наижл тэдгээр хүмүүсийн нэрсийг тэмдэглэн авч байтал Германаас танил нь утасдаж судалгааныхаа үр дүнг хэлж өгөв. Тэр Физер, түүний англи гаралтай эхнэрийн талаар ямар ч мэдээлэл олдсонгүй гэлээ. Физер төрсөн нутаг руугаа буцаж яваагүй байжээ.

Цаг мөч өнгөрөх тусам Фостер бараг тэнхээ тамиргүй болж байлаа. Тэр мэдээллийн өрөөнд толгойн оройгоо үе үе илэн хойш урагш холхисоор байв. Кофе уугаад ч нэмэр болсонгүй. Одоо бүр түүний толгойноос гадна нүднийх нь ухархай хатгуулж өвдөнө. Өөрт нь ганцхан никотин л туслах юм шиг Фостерт санагдаж байлаа. Фостер урьд нь олон хоногоор нойр хоолгүй ажиллах үедээ тамхиа угсруулан татсаар ядаргаагаа давж чаддаг байжээ. Харин одоо тамхинаас гарсан болохоор тэр гар хоосон мэт болжээ. Харрис Фостерыг явж амар гэсэн боловч түүнд дуусгах шаардлагатай хэд хэдэн ажил үлджээ.
Дөрөв дэх хохирогч Патрисиа МакДугаллыг хамгийн сүүлд ням гаригийн үд дунд Холланд Паркт нохойгоо салхилуулж явах үед хүн харжээ. Хатагтай МакДугалл өдөр бүр, ихэвчлэн орой цагаар тэнд зугаалдаг байсан бол харин тэр өдөр үдийн алдад цэцэрлэгт хүрээлэнгийн кафе ресторанд сууж кофе уун тамхи татжээ. Түүнийг төлбөрөө хийгээд явснаас хойш дахиж хэн ч олж хараагүй байна. Өчигдрөөс хойш мөрдлөгийн багийнхан эмэгтэйн зургийг тэдэнд байгаа сэжигтний аман зурагтай хамт цэцэрлэгт хүрээлэнд орж гарч байгаа хүмүүст үзүүлсэн боловч тэднийг харсан хүн олдсонгүй. Нохой бас сураггүй алга болжээ. Фостер нохойг хэн нэгний хаалганы урд үхсэн олдоно гэдэгт итгэлтэй байлаа.
Наижл Барнес амьд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтуудыг эхнээс нь гаргаж эхэлжээ. Фостер Энди Дринквотерын тусламжтай цагаан самбар дээр Фэйрберн, Дартс, Гарретынхны удмын модны зургийг гаргав. Тэр үеийн шүүх хуралд байсан хүмүүсийн нэрсийг самбарын дээд талд, доор нь одоо амьд байгаа тэдний үр хойч, төрөл төрөгсдийн нэрсийг бичжээ. Фэйрбернийхний жагсаалтанд уулзаж ярьсан хүмүүсийн нэр дээр хэдийн тэмдэглэл хийж, тэднийг хорин дөрвөн цагийн турш ажиглалтанд байлгахаар зохион байгуулсан байна. Фостер нэрсиййн жагсаалтыг харвал Фэйрбернийхнээс холбоо тогтоогоогүй долоон хүн үлдсэн байлаа. Тэдний олж уулзсан хүмүүсийн хурууны хээ хэргийн газар дээр олдсон хурууны хээтэй тохирсонгүй.
Фостер Жон Ж, Дарт, Жосеф Гарретын удмын бүх хүмүүсийг ирэх хорин дөрвөн цагийн турш тэдэнд мэдэгдэхгүйгээр хяналтанд байлгаж, болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд тэдний гэр эсвэл ажлын байрны урд нэг нэг машин зогсоох тушаал гаргажээ. Хэрвээ тэдний нэг нь цуврал алуурчны дараагийн хохирогч болж болзошгүй гэж мэдэгдвэл эмх замбараагүй үймээн дэгдэх болно. Энэ үйл ажиллагаанд өөр хэрэг дээр ажиллаж байсан багийнхан болон бусад цагдаагийн газруудыг татан оролцуулжээ. Өглөөний сонинд цагдаагийнхны гаргасан алдааг басамжлан бичсэнийг уншаад маш их айн цочирдсон ахлах комиссар Харрис Фостерт хэрэгтэй гэсэн бүх туслалцааг бэлтгэн өгч байгаа билээ.
Фостерыг Фэйрбернийхний бас нэг гэм буруугүй хүний нэрийг дарж байх үед Дринквотер хүрч ирэв. Тэр дахиад нэг хүний амь үрэгдэх юм биш биз хэмээн эмээж байлаа.
Одоо Фэйрбернийхнээс зургаан хүн үлджээ. Алуурчин тэдний дунд байгаа болов уу? эсвэл Фостерын мөрдлөг дахиад мухардалд орох юм болов уу?
- Юу болсон бэ, Энди?
- Шинжээчдийн шинжилгээгээр сүүлчийн хохирогчийн хувцсан дээрээс ДНК-ийн ул мөр олдсон байна. Хохирогчийн цогцсыг орон сууцны байранд хүргэхээр дээшээ өргөж авч явахдаа их хүч гаргаснаас алуурчин их хөлөрсөн бололтой. Эмэгтэйн цамцан дээрээс хөлсний дуслууд олдсон. Фостер тэр дороо бүгдийг эргэцүүлэн бодлоо. Алуурчин одоо хэрэг үйлдэхдээ хайш яйш болж байна. Тэр өмнөх хохирогч нар дээр гаргаагүй алдаагаа гаргаж эхэлжээ. Тэр биеэ хэтэрхий тоож байна. Одоо харин тэд мөрдлөгт зайлшгүй хэрэгтэй байсан алуурчны үлдээсэн ул мөрийг олжээ. Фостер шинжээчийн багтай холбоо барьж Анатомийн Музейд байгаа Фэйрберний араг яснаас дээж авах хүн явуулж, хөлснөөс олдсон ДНКтай харьцуулахыг даалгалаа. Хэрэв энэ хоёр ДНК тохирвол Фэйрбернийхний үр хойч нарын нэг нь алуурчин гэсэн түүний таамаглал батлагдах болно.
Утсанд нь дуудлага орж ирэв. Энэ Хадер Женкинс байлаа.
- Физер бүх бүртгэлээс алга болчихлоо. Түүний болон эхнэр хүүхдийнх нь талаар ямар ч мэдээлэл олдсонгүй гэж тэр хэлэв.
Фостер тэдний азгүйтэлд уур нь хүрч дэлбэрэх шахав. Тэр эхэндээ 1879 оны шүүх хуралд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг Физерийг нэг их тоогоогүй билээ. Магадгүй алуурчин ч гэсэн тэгсэн болов уу? Фостер тэр хахуульд идэгдсэн новшийн нүгэл нь нүдээрээ гарч өөрөө амиа егүүтгэн хорвоогоос бүр мөсөн тонилсон биз гэж бодлоо. Гэхдээ түүний гэр бүл яагаад алга болсныг үүгээр тайлбарлах аргагүй.
- Наижлд эрлээ үргэлжлүүл гэж хэл. Тэр хаашаа, ямар архивт очихыг хүснэ, тэр бүгд түүний өмнө нээлттэй байх болно гэж Фостер Хадерт хэллээ.

Бүрий болох үед Фостер, Дринквотер хоёр Хансловын салхи нэвт үлээсэн цугларалтын байранд орж ирлээ. Фостер туйлдаж ядарснаас хөлөө зөөх бүртээ хамаг хүчээ шавхах хэрэгтэй болж байлаа. Тэр Баруун Лондон дахь ГБТ рүү очсоныхоо дараа гэртээ харьж амрана гэж өөртөө амалжээ. Мөрдлөгийн багийнхан бүгд байраа эзэлж, сэжигтнүүд, болзошгүй хохирогчид шөнийн турш ажиглалтанд байх болно. Павис Талбайг ямхын төдий газар ч үлдээлгүй шалгаж бүрэн хамгаалалтанд авчээ. Одоогийн байдлаар тэд алуурчнаас нэг алхмын өмнө түрүүлж хөдөлсөн бололтой. Тэгсэн ч Фостерын сэтгэл зовсон хэвээрээ байлаа. Алуурчин сүүлчийнхээ хэргийг үйлдэж амжих болов уу?
Цугларалтын байр өвөл юм шиг их зэврүүн ажээ. Жон Фэйрберний хэлсэнчлэн тэнд ирэгсдийн ихэнх нь болох тэтгэврийн насны буурал толгойтой олон хүмүүс бандан сандал дээр эгнэн сууцгаажээ. Хүмүүсийн гол дунд шахам сууж байсан Фэйрберн тэдний орж ирэхийг хараад гараа далласанд Фостер хариуд нь толгой дохилоо. Урд талд нэг нэхмэл ноосон цамцтай өвгөн дэлгэцэн дээрх диаграмм руугаа заан тайлбарлаж байгаа харагдана.
Энд цугларсан хүмүүсийн хурууны хээг авахын тулд эхлээд нөгөө өвгөний яриагаа дуусгахыг хүлээх хэрэгтэй болсон тул Фостер Дринквотертой хамт хүмүүсийн ард очиж зогслоо. Өвгөний нэг хэвийн намуухан дуугаар хүүрнэхийг сонссоор Фостерын толгой тугалга цутгачихсан мэт хүнд оргино. Тэрбээр өвгөний яриаг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байснаа унтчихгүй сэрүүн байхын тулд үг бүрийг нь анхааралтай сонсож эхэллээ.
- Өвөг дээдэс нь эх орныхоо төлөө тэмцэж, өөрийн үндэс угсаагаа авран хамгаалах үйлсэд хэрхэн хувь нэмрээ оруулж байсныг өгүүлсэн түүх намтраа мэдэхгүй хүмүүс одоо байгаа бүхнээ хайрлан хамгаалж, цэцэглэн хөгжүүлэх нь хичнээн чухал болохыг ойлгож чадахгүй. Он жил улиран өнгөрөх тусам түүх бидэнд хэтрүүлэгтэй, үнэнд нийцэхгүй юм шиг санагдаж эхэлдэг. Үнэн чанартаа бид хувиа хичээсэн хүмүүс болж хувирчээ. Хорвоо ертөнц зөвхөн биднийг, бидний ахуй орчинг тойрон эргэлдэж байдаг. Бид өөрсдөдөө анхаарал тавих үедээ дэргэдэх үнэнийг олж харахыг хүсэхгүй зөвхөн энэ бүхнийг өөрчлөх аргагүй гэж бодоцгоодог.
Гэнэт Фостерын зүрх базлах мэт болов. Тэр өвгөн над шиг хүмүүсийн тухай ярьж байна гэж Фостер бодлоо. Би хэзээ ч бусдын төлөө анхаарал тавьдаггүй, зөвхөн өөрийгөө л боддог. Миний хувьд ганцxан ажил маань л чухал, одоо ч гэсэн би ажлынхаа төлөө энд байна. Би өнгөрсөн үе, ирээдүйдээ санаа зовдоггүй. Би ямар хүмүүсээс угсаа гаралтай гэдгээ мэддэггүй.
Би ямар хүн гэдгээ ч мэдэхгүй.
Гар утас нь чичирч Фостерын бодлыг тасалдуулав. Тэр гадагшаа гарч утсаа авбал гудамжны утаснаас Принц Уэльсийн баарны ажилтан ярьж байлаа. Нэлла Перритэй хамт сууж байсан хүний талаар мэдээлэл байгаа, би өнөөдөр ажилгүй байгаа ч уушныхаа газарт байна гэж тэр хэлэв. Фостер тэр залуу руу шууд очихоор шийдэж, Дринквотерт өөр ажил гарсан талаар хэлээд түүнд клубын ажлыг даалгалаа.
Фостер клубээс гарч явахдаа цагаа харвал оройн зургаан цаг болж байв. Сонинд тав дахь хохирогчийг олох үед Оол Синт Сүмийн цаг шөнө дундаас хойш нэг цаг болсныг зааж байсан гэж уншсанаа Фостер саналаа. Алуурчин энэ аймшигт хэргээ дуусгаад олны урсгалд орон алга болоход гучин нэгэн цаг үлджээ.

Наижл Лондон хотын төв гудамжинд баасан гаригийн оройн замын түгжрээнд алхам алхмаар урагшлах хар таксинд сууж явлаа. Тэр маш их яарч байв. Хүмүүс энэ могой шиг урт үргэлжлэх битүү гудамжинд түгжрэн амралтын өдрийн цагаасаа алдаж байгаадаа бухимдацгаана.
Наижл Үндэсний архив руу явж байгаа ажээ. Сууж явсан такси нь Темза мөрний Кью Бридж дээр бүр урагшлахаа ч больж таг зогсчихсонд Наижлын хүлээж тэвчихээ байж үлдсэн хагас километр замыг явган туулахаар шийдэн машинаас буув. Шиврээ бороо орж байлаа.
Барилгын цонхоор тусах гэрэл харлан харагдах цөөрмийн усанд тусаж чичигнэн хөдөлнө. Наижлыг архивт хүрч ирэхэд хамгаалагч цүнхийг нь шалгаад дотогшоо нэвтрүүлэв. Тэр шууд дээшээ гарч уншлагын том танхимд орвол философийн ангийн оюутан бололтой нэг залуу өөрт нь шаардлагатай байгаа баримтыг олж өгөхөөр хүлээгээд зогсож байлаа. Тэр залуу нар салхи үздэггүй мэт хэт цонхигор царайтай, бас маш туранхай ажээ. Тэр Наижлын авахыг хүссэн Метрополитан Цагдаагийн Газрын ажилтнуудын анкет, тодорхойлолтыг авчирч уншлагын ширээн дээр тавилаа.
Наижлд асуудал тулгарлаа. 1881онд Физер дөчин гурван настай байжээ. Физерийн албанд байсан үе, 1857-1878 оны хоорондохь шинээр ажилд орогсдын бүртгэл дутуу байлаа. Наижл 1889 оноос эхлэн цагдаагийн албанаас гарсан хүмүүсийн бүртгэлийг шалгав. Тэр үед Физер тавь орчим настай байсан учир албанд байх хугацаа нь бараг дуусч байжээ. Наижл шарлаж хатуурсан хуудаснуудыг эргүүлсээр зуун солигдох хүртэлх бүртгэлийг үзлээ. Гэвч Физерийн талаар ямар ч мэдээлэл олдсонгүй. Албанаас гарсан мэдээлэл олдоогүй болохоор тэтгэвэрт суусан цагдаагийн албаныхны анкетнаас түүнийг олох боломж бас байхгүй гэсэн үг. Наижл 1889 онд алба хашиж байхдаа нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бас шалгалаа. Түүний нэр тэнд бас л байсангүй. Энд байгаа архивын материалуудаас нууцыг тайлах боломжгүй болжээ.

Фостер уушны газрын өмнөх цэнхэр шугаман дотор машинаа тавилаа. Том цонхоор долоо хоногийн амралтын өдөр хэдийн эхэлсэн бололтой олон хүн цугласан харагдана. Фостер дотогшоо орвол зааланд хоосон суудал бараг харагдсангүй. Тэр хүмүүсийн дундуур сүлжин явсаар баарны лангуу руу очвол тэнд танихгүй ажилтан зогсож байлаа. Өнгөрсөн ням гаригт байсан ажилчдаас нэг нь ч харагдсангүй.
Фостер хэт их ядарсан тул нөгөө ажилтны утсаар ярихдаа хэлсэн нэрийг санахаар хэсэг бодож байснаа арай гэж саналаа. Түүний нэрийг нээрээ Карл гэдэг. Шаргал үсээ овоолж зассан үйлчлэгч эмэгтэйгээс тэр Карлыг харсан эсэхийг асуулаа. Эмэгтэй хаалга руу толгойгоо дохьсноо
- Карл өнөө орой ажиллахгүй, гэхдээ тэр энд харагдаж байсан гэлээ. Хоёр гартаа дүүрэн пивотой аяганууд барьсан өөр нэг ажилтан тэднийй хажуугаар нь өнгөрч явхдаа ярианд оролцож
- Тэр мөнгө хүргэхээр явсан гэв. Фостер Карлыг хүлээхээр шийдэж, саяхан сууж байсан нэг хосын орхиж явсан босоо сандлуудын нэг дээр суулаа. Түүнд одоогоор яаралтай ажил байхгүй тул Карлын хэлэхийг сонсчихоод гэр лүүгээ шууд харина гэж бодоод нэг аяга пиво захиаллаа. Уушны газарт чимээ ихтэй байсан ч эргэн тойронд нь хүмүүсийн ярилцах, хөгжим сонсогдох нь Фостерт харин ч тааламжтай байлаа. Захиалсан пивоо авч нэг том балгасанд хамаг ядаргаа нь арилах шиг санагдав. Нэг хүн мөрөнд нь хүрэхэд эргэж харвал дэргэд нь Карл ирчихсэн зогсож байлаа. Тэр жинсэн өмдөө хүрэмтэй хослуулан өмсжээ. Карл
- Өршөөгөөрэй, манайд хариулж өгөх мөнгө байхгүй байсан юм гэлээ. Фостерыг зүгээр гэж хэлсэнд Карл өөртөө түүний мэдэхгүй нэг хямдхан пиво захиалаад дэргэд нь суув. Фостерын хамаг цус тархи руу нь хөөрөх шиг болж халууцаж эхлэв. Энэ ядарснаас болж байгаа байх гэж Фостер дотроо бодлоо. Түүний бодисын солилцоо алдагдаж, биеийн дулаанаа хэвийн барьж чадахгүй болжээ. Фостер эвшээлгэлээ, тэрбээр эвшээлгэхгүй байх гэж ч оролдсонгүй.
- Хэцүүхэн долоо хоног байв уу? гэж Карл асуулаа.
- Тэгж хэлж болно гэж Фостер бувтнав. Карл уушны газарт байгаа хүмүүсийг тойруулан хараад
- Өнөө орой хүн ихтэй байна гэлээ. Фостерын баруун хөл өөрийн мэдэлгүй дээш доош овгонон хөдлөхөд зогсоох гэж оролдсон ч бүтсэнгүй. Фостер пивоноосоо балгах зуур би уул нь энд чалчих гэж ирээгүй юм сан гэж бодов. Карл
- Энд ихэвчлэн залуухан баян хүмүүс ирдэг юм гэснээ
- Принцдэйлийн Өргөн чөлөө чинь тавь жараад оны үед урлаг соёлын болон улс төрийн тэмцлийн талбар байсан юм шүү дээ гэж нэмж хэллээ.
- Өө, тийм юм болж байсан гэж үү? гэж Фостер сонирхон асуув.
- Тийм ээ. Яг энэ гудамжны 52 тоотод "Оз" сэтгүүлийн газар анх байгуулагдсан. Тэд ЭРГҮҮЛ, ТААРУУЛ, ТЭГЭЭД ҮХЭЛ РҮҮ НЬ ИЛГЭЭ! гэдэг уриатай хуудас гаргаж байсныг чи санаж байгаа биз дээ. Тэр газрыг хааж, сэтгүүл гаргадаг хүмүүсийг нь баривчлан, ёс суртахуунгүй хэл яриа ашигласан хэргээр шийтгэл оноож Воормвуд Скрабсын шорон руу илгээсэн.
74 тоотод хар арьстнуудыг эх нутгаасаа зайлуулахыг хүсдэг хүмүүс нэгдсэн Цагаан Хамгаалагчдын Бүлгэм байсан. 70 тоотод мансууруулах бодис хэрэглэгчдэд зөвлөгөө өгдөг "Аврал" нэртэй анхны тусламжийн байгууллага байсан. Одоо энд ердөө л хоёрхон шар айрагны газар л үлдсэн.
- Энэ талаар чи яаж сайн мэддэг юм бэ? гэж Фостер мэл гайхан асуулаа.
- Дүүргийн түүхийг судлах нь миний хобби байгаа юм. Урьд нь энэ дүүрэгт их олон үйл явдал болж өнгөрсөн.
Тэр тухай л чи надад ярих хэрэгтэй байна гэж Фостер бодсноо
- Чи надад юу хэлэх гэсэн юм бэ? Дамми Перригийн тухай юу?
Карл толгой дохиод өмднийхөө арын халааснаас хайрцагтай тамхи гаргаж ирэн нэг тамхи асаагаад их л урамтай сорлоо. Үүнийг харсан Фостерын тамхи татах хорхой нь асав.
- Та тамхи татах уу? Ингэхэд ер нь ямар ялгаа байна, тамхичин хүн тамхичингаараа л үлдэнэ гэж Фостер бодсноо толгой дохив. Карл хайрцагнаас дахин нэг тамхи гаргаж түүнд өглөө. Тамхийг авч хурууныхаа завсар хавчуулахад Фостерт яагаад ч юм их сайхан санагдав. Тэр тамхиа зөөлөн эргүүлж имэрлээ. Халаасан дахь хайрцаг тамхиа гарган нэгийг сугалан авч тогшоод, амандаа зуун асааж сорох тэр гайхалтай мэдрэмжийг Фостер маш их санажээ. Карл асаагуураа асаахад Фостер урагш бөхийн тамхиа асаалаа.
- Өө тийм, яагаад тэгсэн гэдгийг мэдэхгүй байна, өнөө өглөө миний санаанд нэг юм орсон. Фостер тамхиа хүчтэй, гүн уушиглан сорлоо.
- Энэ тийм чухал гэдгийг би сайн мэдэхгүй байна...
Фостер тамхиныхаа утааг буцааж үлээх үед нүд нь бүрэлзэв. Тэгтэл мөрөн дээр нь нэг хүчтэй гар хүрэхийг мэдэрлээ. Энэ Карл байна гэж Фостер бодоод түүний юу хийх гэж байгааг асуух гэтэл толгой нь халуу дүүгэж, тэгснээ улам халуун болсоор ус дүүрчихсэн мэт болов. Түүний эрүү доош унжин цээжиндээ хүрч, бүх биеэрээ урагш тонгойлоо. Хэрэв Карл Фостерыг барьж аваагүй бол тэр сандлаас ойчих байлаа.
- Тайван байгаарай гэж нэг хүн хэлэхийг тэр сонсов. Чих нь шуугиж, нүд нь бүрэлзэн Фостер өмнөх юмаа ч харж чадсангүй.
- Тэр яачихсан юм бэ? гэж эмэгтэй хүн асуулаа.
- Зүгээр ээ, тэр жаахан хэтрүүлчихэж. Би түүнийг сайн барьж байна.Та санаа зовох хэрэггүй.
Хүмүүсийн ярих дуу улам холдсоор түүнийг харанхуй нөмрөн авлаа.

Наижл 1880 оны үед Англиас хөдөлсөн усан онгоцнуудын хэдэн мянган зорчигчдын жагсаалтыг багтаасан вэб хуудсыг шалгалаа. Физер Шинэ газар луу эсвэл колони орнууд руу явсан байж болох юм. Скотланд Ярдын туршлагатай мөрдөгч далай чанадад цалин сайтай ажил олох тийм ч хэцүү биш байсан нь мэдээж. Гэвч жагсаалтанд Физерийн нэр байсангүй.
Наижл картны өрөөнд очлоо. Өрөөний буланд хэдэн
намхан тавиур дээр 1850 оноос хойшхи нэрээ сольсон хүмүүсийн архивын материал тавьсан харагдана. Наижл 1882 оны "Ф" үсэгнээс эхлэн шүүж үзэхээр шийдлээ. Энэ оныход, бас дараагийн оны бүртгэлд Физерийн нэрийг олсонгүй. Эцэст нь Наижл 1884 оны бүртгэлд түүний нэр солих хүсэлт гаргасан өргөдлийг оллоо.
Физер Хэнри. Хоёрдугаар сар. Түүний нэрний доор Физер Мэри, Физер Стэнли гэж тэмдэглэжээ.
Тэр үед нэр солих тохиолдол ховор биш байжээ. Цагаачлан ирэгсэд нэрээ байнга сольдог. Брайныг Браун, Шмидтийг Смит болгодог. Тэд хөршүүд нь хардаж сэжиглэхээс болгоомжилдог байснаас гадна Британы иргэн болох үедээ үнэнч шударгаа харуулахыг хичээн нэрсээ англи болгож өөрчилдөг байжээ.
Энд Физер шиг нэрээ албан ёсоор сольсон хүн цөөхөн байлаа. Нэр солиход төлбөр их шаарддаг учраас хүссэн хүн бүр үүнийг хийж чаддаггүй байжээ. Хүмүүс ихэвчлэн нэрээ сольсноо мэдэгдэхийг хүсдэггүй байсан. Жишээлбэл албан ёсоор салах зөвшөөрөл аваагүй эмэгтэйчүүд хүүхдүүдээ хууль бус төрсөн болгож харагдуулахгүйн тулд шинэ нөхрийнхөө нэрийг авдаг байжээ. Цагдаагийн ажилтан, мөрдөгч Физер энэ бүх хүнд суртлын дамжлагыг үл тоон нэрээ солихыг илүүд үзсэн бололтой гэж Наижл бодлоо.
Наижлд бас нэг асуудал тулгарав. 1903 оноос өмнөх бүртгэлд Физерийн ургийн модыг гаргахад хэрэгтэй шинэ нэр тэмдэглэгдээгүй байлаа. Физер нэрээ албан ёсоор сольсноо мэдэгдсэн боловч түүний шинэ нэрийг хэн ч тэмдэглэж аваагүй бололтой. Тэр үед сонинд бяцxан зарлал гаргах аргыг элбэг хэрэглэдэг байсан. Харамсалтай нь Наижл одоо сонины архивт биш өөр газар байлаа.
Наижл Филлимори, Фрай хоёрын 1780-1901 оны Сольсон Нэрсийн Индэксийг олж авахаар явлаа. Энэ бол удам судлаач нарыг солиоруулах шахдаг маш нуршуу бичигдсэн төсөл билээ. Уг төслийг бичсэн энэ хоёр хүн ирээдүйн удам судлаач нарт хэрэг болох янз бүрийн мэдээллүүдийг цуглуулахад бүхий л амьдралаа зориулжээ. Тэд энэ төсөлдөө зориулан хааны зарлиг болон парламентын шийдвэрээр сольсон нэрс, Лондон, Дублин хотын Газета сонинд нийтлэгдсэн нэрсийг олохын тулд хоёр зуун дөчин нэгэн жилийн мэдээллийг түүвэрлэн нэгтгэж олон нийтэд таниулах үүднээс Цаг үе сонинд цуврал болгон нийтэлж байжээ. Наижл төслийг ширээн дээр тавин "Ф" үсгийн доорхи жагсаалтыг гаргав. Сольсон нэрс болон товч тайлбарыг үсгийн дараалалд оруулан бичгийн машинаар бичжээ. Наижл нэрсийг гүйлгэн харсаар Физерийг оллоо.

Физер - Фостер

Наижл нэрийг нэг хэсэг гөлрөн харж суулаа. Тэр харж байгаа зүйлдээ итгэж чадсангүй. Ийм юм байж таарахгүй гэж Наижл бодсноо Фостер гэсэн нэрний ард байсан товч тайлбарыг уншлаа.
Фостер.Х - Физер.Х Норфолк Плэйс, Паддингтон, Лондон. Энэ тайлбарыг 1884 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн Цаг үе сонинд нийтлэгдсэн зарлалаас авсан гэж бичсэн байв.
Наижл 1891 оны хүн амын тооллогын жагсаалтыг очиж авлаа. Тэнд Хэнри Фостер, цагдаагийн газрын мөрдөгч, Паддингтон дахь Норфолк Плэйст эхнэр Мэригийн хамт амьдардаг гэж тэмдэглэжээ. Хүү Стэнли нь төрөөгүй байсан бололтой. 1901 оны жагсаалтнаас харвал Мэри ганцаараа бүртгэгдсэн байлаа. Хэнри нас барсан байж магадгүй юм.
Энэ бол санамсаргүй тохиолдол гэж Наижл бодсон хэдий ч Фостер луу утасдлаа. Фостер утсаа салгасан байв. Наижл Хадер луу залгавал өөр лүү нь очиж явна гэж хэллээ.
- Би Физерийг олсон.
- Ашгүй дээ. Наижл
- Тэр нэрээ сольсон байжээ гэснээ
- Фостер гэж өөрчилсөн байна гэж үгээ гүйцээлээ.
Утасны цаана чимээ гарсангүй удав. Хадер эцэст нь ам нээж
- Чи ингэж бодохгүй байгаа... гэтэл Наижл үгийг нь таслан
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Бид үүнийг тодорхой сайн мэдэхийн тулд ГБТ рүү очих хэрэгтэй байна гэлээ.

Наижл ГБТ-ийн урьд таксинаас буувал Хадер түүнийг хүлээн зогсож байв.
- Фостер унтаж амрахаар гэр лүүгээ явсан болохоор утсаа унтраачихсан бололтой. Бүгд хэвийн эсэхийг шалгуулахаар гэр лүү нь хүн явуулсан гэж нүүрэн дээр сэтгэл зовж байгаа нь илт мэдэгдэж байсан ч Хадер тайван дуугаар хэллээ. Тэгээд утсаар ярихаар Наижлаас түр холдов.
Наижл нас барагсдын бүртгэлээс Физер/Фостерыг шалгавал тэр 1892 онд тавин дөрвөн насандаа хорт хавдраар нас баржээ. Түүний хүү Стэнли гэрлэж, эцгийнхээ замналыг даган цагдаагийн газарт жирийн цагдаагаас эхлэн мөрдөгч болтлоо дэвшин ажилласан байна. Стэнли дөрвөн хүүхэдтэй болж, ганц хүүгээ бага Стэнли гэж нэрлэжээ. Бага Стэнли Дэлхийн нэгдүгээр дайны үед цэргийн албанд татагдаж, 1917 онд Пашендэлид үхсэн олджээ. Бага Стэнлигийн ганц хүү Мартин Фостер удмынхаа уламжлалыг даган цагдаагийн ажилтан болж, дөрвөн хүүхэдтэй болсны хоёр нь Рожер, Жэймс гэдэг хөвгүүд байжээ. Рожер 1959 онд гэрлэжээ. Наижл гэрлэлтийн бүртгэлийг авчирч шалгавал гэр бүлийн хоёр 1960 онд нэг хүүтэй болжээ. Хүүгийн нэр:
Грант Рожер Фостер.
Наижл Грантын эхийн овгийг хайж оллоо. Ямар ч эргэлзээгүй, тэр бол тэдний хүүхэд ажээ. Наижл толгойгоо барин суулаа. Фостер Хэнри Физерийн цусан төрлийн хүн байжээ.
Наижл Хадерыг дэргэдээ ирснийг анзаарсангүй.
- Тэр мөн байсан байна, тийм ээ?
Наижл толгойгоо аажуухан дохилоо.
- Фостер гэртээ алга байна гэж Хадер хэлээд үргэлжлүүлэн.
- Тэр өнөө орой Дринквотертой хамт гэр бүлийн түүхийн клубт болсон цугларалт руу явжээ. Фостер гар утсаараа мөрдлөгтэй холбоотой асуудлаар ярьсныхаа дараа машинаа унаад явсан гэж Энди хэлсэн. Тэр Фостерыг хэнтэй, юуны тухай ярьсан, хаашаа явсныг мэдэхгүй гэнэ. Фостерын утас салгаатай байна. Бид Фостерын залгасан бүх дугаарын жагсаалтыг авсан. Фостерыг байж болох бүх газруудаар, бас эмнэлгээс хайлаа. Одоо болтол юу ч олдсонгүй гээд гүн амьсгаа авлаа.
- Тэр газрын хөрснөөс арчигдсан мэт алга болчихлоо.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:12 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 2:03 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Өөдгүй амьтны цохилсоор байгаа зүрхнээс хутгаа сугалах мөчид санаа нь амран согтуу толгой нарын тоог дахин нэгээр хасаж Ертөнцийн Эзний өгсөн даалгаврыг төгс биелүүлэн түүний ажлыг хөнгөвчилсөндөө, мөн дараагийн ажлаа гүйцэтгэж чадах болсондоо тэр их баяртай байлаа. "Уур хилэнгээр нүгэл хийж болохгүй", "Уур хилэнтэйгээ нар бүү жаргаа" гэж Эзэн хэлсэн.
Газар дээр гүйцэтгэх үүрэгт ажлаа тэр үнэнч шударгаар биелүүлжээ. Толгой дотор нь жингэнэх дуу сонсогдох шиг боллоо. Нар жаргахаасаа татгалзсан мэт тэнгэрийн хаяа улайрахыг тэр хараад Ертөнцийн Эзэн өөрийг нь удахгүй диваажиндаа угтан авч хайр энэрлээ өгөх болно гэж бодов.
Цээж нь хэржигнэх согтуу эр үл мэдэг гиншинэ. Шөнийн харанхуйд хааяа тэртээ хол Паддингтонд ирж, явж байгаа галт тэрэгний түжигнэх чимээнээс гадна хүйтэн салхины гинших мэт исгэрэх дуу сонсогдоно. Тэр хөөрхий эрийн үхэлтэй тэмцэлдэхийг харж хэсэг зогссоноо цээж нь нэг удаа овгосxийн хөдлөөд хөдөлгөөнгүй болмогц бугуйн дахь цагаа хяламхийн хараад сүүлчийн гэмт хэрэг хийсэн газраа орхин явлаа.
Тэр Павис Талбайгаас Талботын Өргөн чөлөөг чиглэн явж дараа нь зүүн гар тийш эргэн манан дунд ид шидийн мэт харагдах Оол Синт хэмээх зүрх сэтгэлийг нь зоригжуулагч бурхны өргөөний дэргэдүүр гарлаа. Яг тэр үед сүмийн цаг нэг удаа цохив. Цагны цохилтын цуурайг сонсонгоо тэр түүнийг хүрээлэн байгаа өтгөн мананг илгээсэн тэнгэрт талархлаа. Тэрээр замаа хөөн Портобеллогийн Өргөн чөлөөн дэхь уулзварыг зүглэн муруйж тахиралдсан гудамжин дахь онгорхой дэлгүүрүүд, нээлттэй байгаа захаас холуур өнгөрөхийг хичээн явлаа. Хэдэн хөөрч догдолсон царайтай цагдаа хажуугаар нь яаран өнгөрөхөд тэр халаасан дахь хутганы бариулыг өөрийн мэдэлгүй чанга атгав. Дараа нь тэр төмөр замын гүүрэн доогуур гарч зүүн тийшээ эргэн Памбер Стрийтийг чиглэн алхлаа.
Дэлгүүрийн дээд давхарт байдаг тэдний жижигхэн байр харанхуй, чимээ аниргүй байлаа. Бүгд дулаан орондоо амарч байгаа бололтой. Тэр ертөнцийн бузар булай, нүгэл хилэнцийг ухаарч мэдрэхгүй, зөвхөн гэрлийг л олж хардаг тэдний тухай бодсноо энэ бол гэм буруугүй цэвэр ариун хүмүүсийн амьдрах ертөнц биш гэж өөртөө хэлэв.
Тэр хаалгаа алгуурхан онгойлголоо. Гэрт орой чанасан махны үнэр ханхалсаар байв. Хоолны цагаар дуугүй байхыг тэр үргэлж шаарддаг боловч өнөө орой зөөлөн хандаж Ребекагаар өдрийг хэрхэн өнгөрөөснийг нь яриулжээ. Абигэйл хэдхэн үг бувтнасан байна. Хэдийгээр тэр хуучнаа сэргээхийг оролдсон боловч Жэмима, Исо хоёр амнаасаа нэг ч үг унагасангүй. Гэсэн ч тэд гуяны мах идэх болсондоо баяртай байгаа нь түүнд таатай байжээ. Тэр гутлаа тайлсан ч хүрмээ өмссөн хэвээрээ үлдэв.
Энэ бол гэм буруугүй цэвэр ариун хүмүүсийн амьдрах ертөнц биш гэж тэр дахин бодлоо.
Тэр хөлөө шатны эхний гишгүүр дээр гишгэтэл шат чахран дуугарав. Хөдлөлгүй хэсэг чагнан зогсвол чимээ анир сонсогдсонгүй. Тэр дахин чимээ гаргахгүйг хичээн болгоомжтой өгслөө. Дээд талын тавцанд хүрвэл унтаж байгаа хүүхдүүдийнх нь жигдхэн амьсгалах сонсогдоно.
Гэнэт Жемима шатан дээр хий үзэгдэл мэт гарч ирээд
- Сэгар,энэ чи юу? гэж аяархан шивнэн асуув.
Тэр эхнэр лүүгээ харлаа. Түүнд их харамсалтай
санагдав. Гурван хүүхдийг нь төрүүлсэн энэ эмэгтэй бурхнаас айж эмээхийг мэддэггүй. Өөрийг нь уурлана гэдгийг мэддэг болохоороо л эхнэр нь залбирдаг. Тэнэг амьтан.
- Би байна гэж тэр хэллээ.
- Чи өлсөж байна уу? Юм идэх үү?
Тэр толгой сэгсрээд шатны дээд тавцан дээр гарлаа. Түүнд саван үнэртсэнд түрхэн зуур өөр цаг үед холын хол очсон мэт мэдрэмж төрөв. Тэр эхнэрийнхээ гараас хөтлөн Хайдэ Паркаар алхана. Нар нуруунаас нь ээн, эхнэр нь баяр баясгалантайгаар инээмсэглэж, тэр өөрөөрөө бахархаж байлаа.
Энэ бол өөр цаг үе байсан гэж тэр дотроо өөрийгөө ятган хэлэв. Тэр үед би өөр хүн байсан. Тэгэхэд Эзэн намайг дуудаагүй байсан.
- Үгүй.
Эхнэрийнхээ хажуугаар өнгөрөн хүүхдүүдийнхээ өрөөний хаалга руу очиж чагнавал чимээ гарахгүй байлаа. Хүүхдүүд нь нэг орон дээр цугтаа хамт унтацгаадаг ажээ. Тэр харанхуй өрөөнд орж, нүдээ дастал хэсэг зогсов. Алигэйл орны зүүн талд гараа унжуулан унтаж байлаа. Ребека дэр дэрлэн гэдэргээ харан хэвтэнэ. Тэр хоёр бөх нойрсжээ.
Түүнийг дөхөж очтол Абигэйл амандаа юм бувтнаснаа дороо эргэлээ. Хэрвээ цаг давчуу биш байсан бол тэднийг Диваажин руу илгээхдээ хутгаа хэрэглэхгүй харин өөр арга олох байсан юм. Энэ ертөнцийн хүн гэдгийг нь мэдрүүлэн, жаргалтай болгож инээлгэдэг, хамгаас хайртай энхрийхэн ихэр охидуудаа өвтгөнө гэж бодоход түүнд аймшигтай байлаа. Охид нь их зоригтой, бас Бурхны ариун номонд дуртай. Тэд Исогоос шал өөр. Хүү нь сүм рүү хүчээр авч явахад хүргэдэг, эхийнхээ хормойн ард нуугдсан нэг муу ичимхий жаал. Өнгөрсөн сараас тэр эцгийнхээ өөдөөс эгцэлж харж чадахгүй айдаг болсон.
Ингэхэд Исо хаана байна вэ? Тэр орны хоёр талаар
харав. Исо заримдаа хоёр дүүгийнхээ тийчлэхээс төвөгшөөж газар унтдаг ч тэр тэнд байсангүй. Тэр өрөөнөөс гарав. Исо эцэг эхийнхээ унтлагын өрөөнд бас байсангүй. Жемима түүнд Исо орондоо орсон, дахиж хараагүй гэж батлан хэллээ.
Хүү арай сэжиглэсэн юм биш биз? Тэр гэрээс сэмхэн гарч өөрийг нь дагасан юм болов уу? Хөвгүүн их ухаантай, магадгүй хэтэрхий ухаантай. Тэр эвшээлгэв. Исог буцаж иртэл тэр хүлээхээр шийдлээ.
Маргааш өглөө тэр шударга үнэнийг олонд харуулна . Тэрнээс өмнө эхлээд суран тэлээгээ ашиглах болно.



_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:13 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 2:04 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
25


Фостер гүн нойрноосоо сэрлээ. Тэрбээр урьд өмнө нь хэзээ ч ингэж нам унтаж байгаагүй мэт санагдав. Нүдээ нээж, биеэ хөдөлгөж чадсангүй, нойрмоглосон хэвээр. Тэр бүрэн сэрэх хэрэгтэй байлаа.
Ингэхэд юу болсон юм бол? Фостер уушны газар байснаа саналаа. Дараа нь санаанд нь юу ч орж ирсэнгүй. Би одоо тийм л их ядарсан юм байх даа? Магадгүй нам унтаад гэртээ хүргүүлсэн юм болов уу? Гэхдээ энд гэрийнх нь үнэр биш, харин Барнесыг дагаж очсон архивын газруудад байдаг шиг хуучин цаас, картон үнэртэж байв. Тэр нүдээ нээлээ. Бетонон таазанд цахилгааны цагаан утсаар өлгөсөн чийдэн асаалттай харагдав. Энд цонх байхгүй бололтой өдрийн гэрэл туссан гэхээр юм ажиглагдсангүй. Хана нь маш олон нүхтэй ажээ. Сайн харвал ханыг өндөгний хайрцагнуудаар доторложээ. Дуу намсгах зорилготой ингэж хийсэн бололтой.
Фостерын гар хөл нь чимчигнэн мэдээ орж эхэллээ. Гэхдээ урьд нь яагаад мэдээгүй байсан юм бол? Баруун гараа өргөх гэтэл хүлээстэй бололтой хөдөлсөнгүй. Бусад гар хөл, их бие нь ч хөдөлсөнгүй. Дотуур өмднөөс нь бусад хувцсыг тайлж авсан байлаа. Фостер баруун гараа хүчтэй угзарч татсан боловч хүлээснээс мулталж чадсангүй. Дээр нь хэвтэж байгаа юмаа тогшиж тэмтэрч үзвэл ор бололтой. Гэнэт түүнийг айдас нөмрөн авлаа.
Өрөөний зүүн талд цаасан хайрцагнуудыг тааз тултал дээр дээрээс нь давхарлан өржээ. Баруун талд нь тэрнээс ч олон хайрцаг, хэдэн модон тавилга, хуучны шургуулгатай шүүгээ харагдав. Толгойгоо өргөхийг оролдсон боловч урд болон хойд талд нь юу байгааг харж чадсангүй. Тэнд бас элдэв янзын новшнууд л байгаа биз гэж Фостер бодлоо. Тэр агуулахад байгаа бололтой. Нүдэнд нь харагдахгүй нэг буланд хүн амьсгаадаж амандаа үглэх нь сонсогдсонд
- Тэнд хүн байна уу? гэж Фостер шивнэв.
Хариу сонсогдсонгүй.
- Тэнд хүн байна уу? гэж тэр арай чанга асуулаа.
Тэгтэл баруун талд нь нэг хүн гарч ирэв. Фостер тэр хүний царайг харахыг хичээсэн боловч бараан үстэй толгойны дүрс л харагдлаа. Бас нэг юм байсан ч юу гэдгийг Фостер ялгаж харж чадсангүй.
- Хэн бэ? гэж тэр сулхан хоолойгоор асуулаа.
Хариу өгсөнгүй. Фостер асуултаа давтав. Бас л хариу алга.
- Ямар новшийн юм нь болоод байна аа? гэж тэр арай чанга хэлснээ дахиад гараа суллахыг оролдов.
Дэргэд нь зогссоор байсан хүн ямар ч сэтгэл хөдлөлгүй, үгээ цэнэсэн маягтай ярьж эхэллээ.
- Энэ бол... шийтгэл гэж тэр үгээ зөөн аажуухан хэлснээ наадаг туузаар амыг нь таглав.
Фостерын ар нуруугаар хүйтэн юм гүйх шиг болж айдас бүх биеийг нь нөмрөн авлаа. Тэр амны наалтыг салгах гэж тургилсан боловч бүтсэнгүй. Фостерыг хашгирах гэж оролдоход нөгөө эр үл тоосон бололтой нүдэнд нь харагдахгүй болов. Баруун хөлнийх нь шагайн тус газар хүлээс сулрахыг Фостер мэдэрлээ. Хөлөө суларсныг мэдсэн тэрбээр өшиглөх гэж оролдсон боловч хүчирсэнгүй. Эрэгтэй хөлийг нь чанга барьжээ. Дараа нь шалан дээгүүр ширээ бололтой хүнд юм чирэх нь сонсогдлоо. Нөгөө хүн хөлийг нь өргөж, өсгийгөөр нь тэгнүүлэн тавьснаа шагайгаар нь хүлж баглав.
Одоо харин нөгөө эр сайн харагдана. Энэ Карл байлаа. Карл гартаа муна барьчихсан далайгаад зогсож байв. Тэр гараа улам өндөр өргөхийг нь харсан Фостер хамаг биеэрээ тийчлэн хүлээснээс мултрахыг оролдсон боловч тус болсонгүй. Түүнийг маш чанга хүлжээ.
- Үгүй ээ! гэж Фостер хашгирлаа, гэвч аманд нь наасан
тууз саад болж дууг нь бүдгэрүүлэв. Одоо юу болохыг Фостер мэджээ. Түүнд зөвхөн ирэх цохилтыг хүлээн хэвтэхээс өөр арга байсангүй. Тэгтэл түүний шилбэн дээр муна маш хүчтэй бууж, ясыг нь бяц цохив. Хөл нь огцом хүчтэй янгинан өвдлөө. Фостер хамаг чадлаараа орилсон боловч хэн ч сонссонгүй. Бүх юм харанхуйлан тэр ухаан алдлаа.

ГБТ-ийн цайны газарт дотор нь харанхуйлсан Наижл цонхоор тусах өглөөний гэрлийг анзааргагүй ширтэн сууна. Тэр хэрвээ сольсон нэрсийн жагсаалтыг эртхэн шалгасан бол Фостерт анхааруулж амжих байжээ. Хадер түүнийг ингэж бодохоо боль гэж хэлээд ч нэмэргүй байлаа. Фостерыг гэр бүлийн түүх сонирхогчдын клубт байхад залгасан сүүлчийн дугаарыг шалгавал оройн зургаан цагийн өмнөхөн Ладброк Гровт байдаг гудамжны утасны бүхээгнийх байжээ. Тэр үед Наижл Фостерыг Физерийн цусан төрөл гэдгийг арай мэдэж амжаагүй байсан. Тэгсэн ч Наижл өөрийгөө уучилж чадахгүй байлаа. Өнгөрсөн долоо хоногт уншиж судалсан архивын баримт, сонины нийтлэлүүд, бүртгэл анкет, шүүхийн протокол гээд бүх материал толгойд нь эргэлдэж, Фостер, алуурчин хоёрыг олоход тус нэмэр болох ул мөр байгаа эсэхийг Наижл тунгаан бодсоор байв. Одоогоор санаанд нь юу ч орж ирсэнгүй. Цаг явсаар байлаа. Өнөөдөр өнгөрөхөд Фостер алагдах болно. Наижл дахин сайн бодохыг хичээлээ.
Царай нь чулуу шиг хөшиж, цонхийн цайсан Хадер эрлийн багтай нэгдэхээр явжээ. Энэ хооронд Лондон хотын бараг бүх цагдаагийн ажилтнуудыг дайчилж, Фостерын дотны харьцаатай байсан хүмүүсийг шалгасан боловч ямар ч үр дүн гарсангүй. Өчигдөр орой Эке Фэйрберний ДНК алуурчныхтай тохироогүй гэсэн хариу гарчээ. Эке Фэйрберний удмынхны нэг нь Фостерыг хулгайлсан алуурчин гэсэн таамаглал батлагдсангүй.
Наижл сэтгэлээр унаж цагдаагийнханд хэрхэн яаж
туслахаа мэдэхгүй байлаа. 1879 онд сүүлчийн хохирогч Портобелло Өргөн чөлөөнд байдаг зүлэгжүүлсэн талбай дээрээс олдсон. Тэр газрыг хэдийн хамгаалалтанд авсан байгаа. Хамтрагчаа олохоор эрэл хайгуулд гарсан цагдаа нарын үр дүнг хүлээж суухаас өөр арга Наижлд үлдсэнгүй. Хэн Физерийн удмын хамгийн сүүлчийн хүн болохыг шалгахад тэр хүн нь Фостер байсан бөгөөд алуурчинд мөрдөгчөөс өөр сонголт байгаагүй гэдэг нь ойлгомжтой байжээ.
ГБT хэдийн хаалгаа нээж, амралтын өдрийн мэргэжлийн бус сонирхогчид цайны газарт дараалалд зогсоцгоон хэрэглэсэн аяга тавгаа овоолон тавьж байлаа. Наижл тэдгээр хүмүүсийг ажиглан харвал ажлын өдрөөр ирдэг хүмүүсийг бодвол ихэнх нь залуухан, бас нилээн хэдэн хүүхэд байлаа. Танхим кофе уух зуураа эрж олсон баримт материалаа хоорондоо хэлэлцэн ярилцах хүмүүсээр хурдан дүүрлээ. Байнга исгэрч явдаг хүлээн авахын ажилтан Фил цайны газар орж ирэн эргэн тойрноо харж зогссоноо Наижлыг олж хараад дэргэд нь шууд хүрч ирлээ.
- Сайн байна уу? гэж тэр элэгсэг дотно мэндлээд
- Чи энд шөнөжин суусан уу? гэж асуув. Наижл толгой дохилоо. Фил зөвхөн дэмий ярилцах гэж хүрч ирээгүй гэдгийг тэр таамаглажээ.
- Чи Дэйв Даквортыг хараагүй биз? Наижл Дэйвийг хараагүй ажээ. Фил
- Сонин юм даа гэснээ
- Хүлээн авах цэг дээр Америкийн хэдэн жуулчин ирсэн. Дакворт тэдний судалгааны ажилд туслах ёстой байтал тэр харин хагас цагаар хоцорч байна гэлээ. Магадгүй Дэйв замын түгжрээнд гацчихсан байлгүй гэж Наижл бодов.
- Уул нь тэр ингэдэггүй юмсан. Тэнд сууж байгаа хүмүүс маш их бухимдацгааж байна гэж Фил нэмж хэллээ.
- Би Даквортыг өчигдрөөс хойш хараагүй гэж Наижл эцэст нь ам нээв. Гэнэт тэр Даквортын ховорхон овгийн
нэртэй үйлчлүүлэгчийн тухай ярьсныг саналаа. Кэллог ...
Наижл өөрийнхөө бодлоос маш их цочирдов. Энэ санамсаргүй тохиолдол байж болох уу? Тэр энэ бодлоо баталж мэдэхийн тулд сонины архив руу яаралтай явах хэрэгтэй байлаа.

Фостер аажмаар ухаан орлоо. Хамаг бие нь хөлрөөд шал нойтон болчихжээ. Хөдлөх гэтэл хугарсан шилбэ нь янгинан өвдлөө. Шилбэний хугарсан яс арьсыг нь цоолж ил гарсан гэдгийг тэр мэдэж байв. Амыг нь таглаж байсан туузыг авчихжээ. Фостер гэнэт хүчтэй огиулсанд толгойгоо хажуу тийш эргүүллээ. Ингэхэд тэр өвдөлтөөс болж ухаан алдсан уу эсвэл мэдээ алдуулсан юм болов уу?
Алуурчин бол Карл байсан гэдгийг Фостер ойлголоо. Бас тав дахь хохирогч нь өөрөө гэдгийг ч ухаарчээ.
- Чи яагаад ингэж байгаа юм бэ? Фостер амьсгаадах зуураа арай гэж асуулаа. Биенд нь хүчилтөрөгч дутагдаж байв.
- Энэ бол шийтгэл гэж би чамд хэдийн хэлсэн. Карлын дуу хоолой итгэл төгс, бас тайван байлаа. Уурлаж хилэгнэсэн гэх шинж огт мэдэгдсэнгүй.
Хүчтэй өвдөлтөөс болж Фостер цааш ярьж чадсангүй. Хэдэн хором ухаан нь балартсан бололтой, магадгүй илүү удсан ч байж болно. Духнаас нь хөлс асгарч байлаа. Тамлагчийн хэлсэн үг толгойд нь эргэлдэнэ.
- Шийтгэл ээ? Яагаад? гэж Фостер амьсгаа нь давхцан асуув.
- Хэрвээ чи гэр бүлийнхээ өнгөрсөн түүхийг сайн ухаж төнхсөн бол учрыг нь мэдэх байсан юм. Фостер өвдөлтөө мартан Карлын хэлсэн үгэнд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн боловч тэсвэрлэхэд маш хэцүү байлаа.
- Миний гэр бүлийн өнгөрсөн түүх яасан гэж?
- Чи юу ч тааварлаагүй гэх гэсэн юм уу?
- Наад хөгийн оньсгонуудыг чинь таахад миний толгой хүрэхгүй юм шиг байна гэж Фостер арай гэж хэлэв. Өвдөлт нь хүчтэй болсонд Фостер хэт хичээсэндээ харамсав. Тэр дахиад огиуллаа.
- Хэрвээ чи хөдлөхгүй тайван хэвтвэл бага өвдөнө. Бүх хүнд сорилтуудыг давж гарахын тулд чи хүчээ гамнах хэрэгтэй. Бас наад амаа тат. Тэгэхгүй бол дахиад тууз наачихна шүү.
Фостер дахиж дуугарсангүй. Толгой нь эргэж байлаа. Бүх хана туургыг дуу нэвтрэхээргүй болгож янзалсан, бас амыг нь туузаар таглачихна. Энэ хүн амьтан ойрхон амьдардаг газар байхаас зайлахгүй. Тэгэхээр бүх хүчээ нөөж байгаад нэг л удаа хамаг тэнхээгээрээ орилох хэрэгтэй гэдгийг Фостер мэдэж байлаа. Магадгүй түүнд ганц удаа боломж олдох ч юм бил үү.
- Хэрвээ чи гэр бүлийнхээ түүхийг мэддэг байсан бол элэнц өвөө чинь Хенри Физер гэдгийг мэдэх байсан юм. Тэр бол хэвлэл мэдээлийнхний тарьсан шуугианыг дарахын тулд Эке Фэйрбернийг золигт гаргаж хууль завхруулсан муу хөгийн Герман новш.
Аймшигтай өвдөлтөөс болж түүний хэлсэн үгийг Фостер эхлээд сайн ойлгосонгүй. Эцэст нь тэр ухаж ойлголоо. Физер түүний өвөг эцэг нь байсан гэнэ ээ? Хилсээр шийтгэгдсэн Эке Фэйрберний үхэл бол өнгөрсөн хугацаанд тэдний удмынхны дарж булахыг хичээж байсан тэр нууц нь байжээ. Фостер булшинд орсон мэт дахиад юу ч сонсож чадсангүй, тэрбээр ухаан алдах шахаж байлаа. Гагцxүү энэ чимээ аниргүй байдлыг тайван ярих алуурчны хоолой, өвдөлтөөс болж яраглах түүний дуу л эвдэнэ. Фостер дахиж сэрэхгүй байж магадгүй гэж бодоод ухаан алдчихгүйн тулд хамаг хүчээрээ хичээж байв. Хугархай хөлөө хөндвөл магадгүй тэсвэрлэшгүй өвдөлтөөс болж ухаан алдахгүй байх гэж тэр бодлоо.
- Физер бол чиний элэнц өвөө гэж Карл хэлээд яриагаа үргэлжлүүллээ.
- Чи түүний хийсэн гэм нүглийн төлөө шийтгэгдэх ёстой. Яг Норвуд, Дарбишир, Пиерси, МакДугалл нарын үр удмыг шийтгэсэн шиг. Фэйрбернийг цаазлахын өмнө цагдаагийнхан хэрэг хүлээлгэхийн тулд зэрлэгээр зодсон гэдгийг чи мэдээж мэдэж байгаа. Тэр бол чиний элэнц өвөөгийн хичээж баталгаа гаргасны үр дүн байсан юм. Тэд Фэйрберний зургаан ясыг хугалсан.
"Зургаа. Тэгэхээр дахиад тав үлдсэн байх нь ээ" гэж бодох үед Фостерын хамаг бие нь татганав. Тэр алуурчныг торгоон барьж эндээс зугтах ямар нэг арга олох хэрэгтэй байлаа.
- Яагаад би гэж? Энд Физерийн үр удам гэхээр өөр хүн байгаагүй гэж үү?
- Үгүй ээ. чи бол эцсийнх нь. Энэ бүгд чамаар төгсгөл болно. Тэгээд бас цагдаагийн газар ажилладаг чинь бүр сайхан тохирсон шүү. Би ихэнхийг нь амжилттай яваа хүмүүсээс сонгож олсон. Дарбишир, Перри нар бол маш баян. Атаархал хорсол бол миний нэг том дутагдал гэж хэлж болох юм.
Зүүн талд, нүднийх нь буланд Карл харагдав. Фостерт тамхины утаа үнэртлээ. Карл түүнд тамхи татахыг санал болгож байсныг санангуут Фостерт энэ бүхэн ойлгомжтой болов. Энэ бол алуурчны хохирогчдоо барьж авдаг арга байжээ. Хохирогчид бүгдээрээ тамхичид эсвэл тамхинаас дөнгөж гарсан хүмүүс. Карл тэдэнтэй холбоо харьцаа тогтоох ямар нэг арга олоод дараа нь тамхиар дайлдаг. Энэ байсан байна. Тэгээд л бүгд харанхуй болно. ГХБ-д дэвтээсэн тамхийг татахад мансууруулагч бодис ундаанд хийснээс илүү хурдан тархинд үйлчилж хохирогч хэдхэн секундын дотор ухаан алддаг юм байна.
- За, чи бэлэн үү? гэж Карл асуув.
Фостерын бодлууд ийш тийш үсчинэ. Тэр эцгийнхээ тухай бодлоо. Түүний коктейл уухын өмнөх мөч. Шийдэмгий, туйлбартай харагдах, үхэл л түүний аврал, адислал болсон нэг эр. Ингэж дуусах нь хамгийн зөв
шийдвэр гэдэгтээ тэр итгэлтэй байсан болов уу?
Фостерын амыг дахиад наадаг туузаар таглалаа. Туузнаас цавуу амтагдав. Карл зүүн гарынх нь хүлээсийг тайлж, бугуйгаас барин дээш өргөөд ширээн дээр тэгнүүлэн тавилаа. Фостер алуурчны нүүрийг эгцлэн харахыг хичээн харцаа салгасангүй. Карл түүн рүү харсангүй, зөвхөн түрийтэй гутал өмссөн хөлөө өргөснөө Фостерын зүүн гарын шуун дээр маш хурдтай буулгав.
Фостерын яс бяцарсангүй. Хөлнийх нь аймшигтай өвдөлтийг бодвол гар нь зөвхөн мэдээгүй болжээ. Фостер ярвайсан ч үгүй, алуурчин руу харсаар байлаа. Тэр Карлыг хараанаасаа алдалгүй аль болох дэргэдээ байлгахыг хичээнэ. Фостер хамаг уур, өвдөлтөө намдтал хашгирахын тулд аманд наасан туузыг хуулж авахыг хүлээлээ. Юу ч болсонгүй. Карл туузыг хуулж авсангүй. Тэр дахиад ухаан алдав.
Фостерыг сэргэхэд тууз алга болж, харин ам нь ангархай байлаа. Гэвч тэр бараг дуугарч чадсангүй. Хатсан уруулаа хэлээрээ долоолоо. Фостер юу болоод байгааг бүрэн ойлгоогүй ч Карлд бас нэг өөр төлөвлөгөө байгаа юм байна гэсэн бодол төрөв.
- Үүнийг өөрөөр шийдэж болно шүү дээ гэж Фостер сөөнгөтөн шивнэлээ.
- Би Эке Фэйрберний тухай бүгдийг мэднэ. Түүнийг хилсдүүлсэн гэдгийг би мэдэж байгаа. Фостер яриагаа түр завсарлах хэрэгтэй болов. Өвдөлтөөс болж тэр царайгаа үрчийлгэн, амаа ангалзуулсаар амьсгал авлаа.
- Фэйрбернийг зэрлэгээр зодсныг, Стаффорд Пиерси худлаа мэдүүлэг өгснийг би мэднэ. Зориуд тавьсан хутганы талаар, шүүгчийн сүүлчийн дүгнэлтийн талаар ч би мэдэж байгаа. Энэ маш том зохион байгуулалттай найруулж тавьсан жүжиг байсан. Энэ шийтгэлийг дахин авч хэлэлцэх боломжтой. Хэргийг дахин задалж элэнц өвөөгийн чинь нэрийг цагаатгаж чадна. Карл Фостерын нүдэнд харагдсангүй.
- Эке Фэйрберн миний элэнц өвөө биш.

Наижл хагас цаг ч болоогүй байхад сонины архивын газарт орж ирэнгүүтээ 1879 оны Кенсингтоны Мэдээ сонины дугааруудыг асуув. Тэр өнгөрсөн даваа гаригт Цаг Үе сонинд Фэйрберний шүүх хурлын тухай уншиж байхдаа энэ хэргийн тухай хэдэн мөр нийтэлсэн байсныг харсан билээ. Харин одоо түүнд энэ талаар илүү их мэдээлэл хэрэгтэй байв. Наижл үдээстэй сонингуудыг аваад хуудаснуудыг тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн дугаар хүртэл хурдан эргүүллээ. Сонины эхний нүүрэн дээр шүүх хурлын тоймын хажууд түүний хайж байсан хэргийн тухай нийтлэл байлаа.

НЭГ ЭР ЭХНЭРИЙГЭЭ ИХЭР ОХИДТОЙ НЬ ХАМТ АЛЖЭЭ.

Өчигдөр өглөө, долоон цагийн үед Памбер Стрийтийн нэг байшингийн хаалганы довжоон дээр цус байна гэж хөрш зэргэлдээ амьдардаг нэг хүний өгсөн мэдээллийг Кенсингтон дахь цагдааагийн газрын мөрдөгч ноён Додд хүлээн авчээ. Уг байранд хүнсний болон, эмийн барааны дэлгүүрийн эзэн Сэгар Кэллог амьдарч, арилжаагаа эрхэлдэг байжээ.
Мөрдөгч Додд Памбер Стрийт рүү очтол Кенсингтоны Алуурчны үйлдсэн гэмт хэргийн дуулианд аль хэдийн цочирдсон байсан тэр хавийн оршин суугчид сандарч үймэлдэж байжээ. Мөрдөгч хаалга руу очин босгон дээр цустай адилхан толбо байхыг олж хараад хаалгыг тогшвол хэн ч хариу өгөөгүй тул тэрбээр хаалгыг түлхтэл түгжээгүй байсан хаалга онгойжээ. Сэтгэл нь түгшсэн тэрбээр хаалганы араас арай үхээгүй, цусандаа будагдаж, ухаан алдаж унасан нэг жаахан хүүг олсон байна. Хүүгийн ард зоорины хаалга хүртэл цусан мөр татсан байснаас үзвэл хүү зооринд тамлуулж шархтсаныхаа дараа хаалга руу мөлхөж байгаад ухаан алдаж унасан бололтой.
Мөрдөгч цусан мөрийг дагаж зооринд ороод тэнд нүд хальтирам аллагын дүр зургийг олж харжээ. Эмэгтэй хэдийн үхсэн, түүний хоолойг огтолж хороожээ. Мөн эмэгтэйн дэргэдээс хоёр охин хүүхдийн хөрж хөшсөн цогцос олдсон байна. Тэднээс нилээн цаана цээжинд нь хутга зоолттой нэг эр хэвтэж байжээ. Үхсэн эрэгтэйг шинжилж үзсэний дараа эмчийн таамаглал батлагдсан байна.
Ноён Кэллог эхлээд эхнэрээ алж, хүүгийнхээ хүзүүнд хутгалсныхаа дараа бяцxан охидыг хороож, эцэст нь аллагад хэрэглэсэн зэвсгээр өөрийгөө егүүтгэжээ.
Хөршүүдийн батлан хэлж байгаагаар тэр Христийн шашныг хэт баримтлагч, түүний дагалдагч байсан гэнэ. Одоогоор мөрдөгчид ноён Кэллогийг сүсэг бишрэлийн төөрөгдлөөс болж энэ хэргийг үйлдсэн гэж таамаглацгааж байна.
Наижл Даквортыг олж уулзах хэрэгтэй байлаа.

- Тэгвэл яагаад? гэж Фостер асуух үедээ Карлын хэлснийг ойлгохыг хичээв.
- Эке Фэйрбернтэй холбоогүй юм бол яагаад чи энэ бүгдийг үйлдсэн юм бэ? Карл санаа алдлаа.
- Гэм буруугүй хүнийг баривчилсан цагдаагийнхны толгой дээр цахиур хагалах гэсэн юм. Фэйрбернийг буруутан болгосон өдөр жинхэнэ алуурчин Сэгар Кэллог эхнэрээ хоёр хүүхдийн хамт алсан. Тэр эхнэрийнхээ хоолойг хэрчиж, хүүгийнхээ хүзүүг хутгалсан, бас долоон настай хоёр охиноо боож алсан. Хэрвээ цагдаагийнхан, чиний элэнц өвөө чинь ажлаа сайн хийсэн бол, хэрвээ Сэгар Кэллог ялтны суудалд суусан бол тэр гэр бүлийнхэн аврагдах байсан. Тэгсэн бол жинхэнэ алуурчин дүүжлүүлэх байсан юм.
Хүү амьд үлдсэн ч дууны хөвч нь гэмтсэн тул үүрд ярьж чадахгүй болсон. Болсон явдлаас болж түүний зүрх сэтгэл маш их шархалсан. Тэгсэн ч тэр сүүлд нь цааш амьдрахаар шийдэж нэрээ сольсон бөгөөд тэр цагаас хойш бидний овог Хогг болсон юм. Тэр гэрлэж хоёр хүүхэдтэй болсон боловч өнгөрснийг мартаж чадахгүй маш их шаналдаг байсан. Гэвч тэр эцэст нь цаашид тийм байдалтай амьд явж чадахгүй гэдгээ ойлгосон юм. Үхэхээсээ өмнө тэр тархи толгойноос нь салдаггүй байсан тэр аймшигт хэргийн тухай бичиж үлдээсэн.
Тэр хэдэн шөнө эцгийнхээ араас дагаж яваад хоёр хүн хороосон хэргийн гэрч болжээ. Эцэг нь энэ талаар хүнд хэлүүлэхгүйн тулд түүнийг хорьж түгжинэ гэдгээс айж байснаа, айдсаасаа болж бусдад дуулгаж чадаагүйдээ их харамссанаа, бас гэм буруугүй хүнийг баривчилсан шүүх цагдаагийнхныг үзэн яддаг байснаа бичсэн байсан.
- Чи уучлалын талаар сонсож байсан уу? гэж Фостер асуулаа.
Хогг түүнийг сонсоогүй мэт яриагаа үргэлжлүүлэв.
- Чи "тамгалуулах" гэж ямар утгатай болохыг мэдэхгүй. Тэр новшийн ген чиний цусанд байгаа гэдгийг, чиний цус хордсоныг, энэ бидний цусаар халдварлан тархана гэдгийг мэдэх. Би энэ тухай Исо Хоггийн үлдээсэн захианаас уншиж мэдсэн. Би энэ оны өнгөрсөн нэгдүгээр сард гучин тав хүрсэн. Сэгар Кэллог эхнэр, хоёр охиноо алах үед, Исо сэтгэлийн зовлонгоо цаашид тэвчилгүй өөрийгөө дүүжлэх үед бас гучин тавтай байсан. Тэгэхэд л би энэ бүхэнд цэг тавих ёстой гэдгийг ойлгосон. Энэ бүгд надаар дуусна. Намайг үхсний дараа дахиж ийм хэрэг гарахгүй.
- Чамд өөр төрөл садан, хамаатан байхгүй гэж үү? Чамаас бусад гэр бүл, хамаатан садан чинь хэвийн амьдралаар амьдарцгааж байгаа. Новш гэж, бидэнд бүгдээрэнд маань нэг хогийн ген байдаг биш гэж үү? Тэр чинь бидний хэн болохыг шийдэхгүй биз дээ?
- Ар араасаа цуварсан тэр цагдаагийн удмынхны сүүлчийн хүний амнаас ийм үг сонсоно гэдэг сонин байна шүү. Өвлөж авсан генээс энэ бүхэн болдог гэж чи бодож байгаагүй гэж үү?
Фостер өвдөлтөө багасгахын тулд байрлалаа солих гэж
оролдлоо. Гэтэл тэр хөдөлж чадсангүй. Энэ магадгүй надад тарьсан ямар нэг бодисноос болсон байх гэж тэр бодлоо.
- Миний элэнц өвөө Фэйрберний хэрэгт хутгалдсан байж магадгүй, гэхдээ энэ чинь бүх цагдаагийн ажилтан нар адилхан гэсэн үг биш. Тэр үүнийг өөрийнхөө хүслээр хийсэн байж болно. Иймэрхүү юмыг чи урьдаас төлөвлөдөггүй юм.
- Сэтгэхүйн газар зүй гэж чи урьд нь сонсож байсан уу?
Наижл Барнес энэ тухай ярьж байсныг Фостер бүдэг бадаг саналаа. Хүмүүсийн зан төрхөнд оршин байгаа газар нь нөлөөлдөг гэсэн нэг балай ойлголт.
- Энэ бол амьдарч байгаа орчин чинь чиний мэдрэмж, зан төрхөнд нөлөө үзүүлдэг гэсэн үг. Би элэнц өвгийнхөө хохирогч нарыг алсан бүх гудамжаар явж үзсэн. Би түүний гэрийнхнээ алсан газраас нэг гудамжны цаана амьдардаг. Түүний юу хийсэн, яаж ял шийтгэлээс мултарч чадсаныг би мэднэ. Тэр явдлаас хойш миний цусан төрлийнхөн тамд шатах хувь тавилантай болсон гэдгийг ч би бас мэдсэн.
- Энэ чинь тайлбар биш, харин уучлалт гуйж байгаа юм шиг сонсогдож байна. Хогг Фостерын хэлснийг үл тоомсорлон
- Цагдаа хүнээс өөр юу хүлээнэ гэж. Өдөр тутамд гаргаж байдаг хүмүүсийн зан төрхийг энэ онолын үүднээс тайлбарлахыг оролдож судалгаа хийсэн хүмүүсийнхээр бол энэ харин бараг батлагдсан. Ихэнх үйл явдал давтагдсан байдаг нь сонин юм шүү. Фостерын дотор муухайрч бөөлжмөөр болсон ч тэсэж өнгөрүүлэв.
- Би энэ онолыг сонирхдоггүй. Дотор нь харанхуйлахад Фостер ухаан алдахгүйг хичээн амьсгалаа гүн авлаа.
- Бидний эргэн тойронд сайн хүмүүс, гэмт хэрэгтнүүд... бас чам шиг тамлан зовоогчид ч байдаг. Хогг өршөөнгүй хандах мэт инээд алдсанаа
- Хангалттай чалчлаа гэж хэлэв.
Карл наадаг тууз тасдан авч байгааг сонссон Фостер амаа таглуулахгүйг хичээн толгойгоо сэгсчсэн боловч нэмэр болсонгүй. Цээжин дээр нь хүнд гар дарахыг мэдрээд Фостер алуурчин руу харвал тэр гараа зангидан баруун сүвээ рүү нь хүчтэй цохив. Уушгин дахь бүх агаар шахагдан гарах шиг болж, хавирга нь хатгуулан өвдлөө. Өөрийн эрхгүй атиралдахад бүх шарх нь хөндөгдөж улам аймшигтай өвдөв. Алуурчин сүвээн дээр нь дахиад нэг цохиход хавирганых нь завсар хутгаар бүлчих шиг санагдав.
Түүнийг зогсоож өгөөч гэж Фостер өөртөө хэллээ. Тэр урьд өмнө нь хэзээ ч итгэж байгаагүй бурхнаас залбирч гуйжээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 2:12 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
26


Исо Кэллог нэрээ Хогг болгож өөрчилснийг Наижл мэдэж авчээ. Тэр Кенсингтоны гадна бүсэд муу нэрээрээ алдаршсан дүүрэгт шинээр амьдрахыг хичээн нэг бүсгүйтэй гэрлэж хоёр хүүхэдтэй болжээ. Исог өөрийгөө дүүжилснээс хойш хоёр жилийн дараа том хүүхэд нь нас баржээ.
Наижл Исогийн ургийн модыг судалж бүх хойч үеийнхнийг хурдан олохыг хичээж байв. Ургийн мод гэж хэлэхэд хэцүү ч Наижл ямартай ч түүний үр хойч нарыг олж чадлаа. Тэднээс одоо зөвхөн хоёр хүн амьд байлаа. Карл Хогг, гучин тавтай, эрэгтэй. Лиза далан зургаан настай, эмэгтэй. Наижл зөвхөн Карлын төрсөн гэрийн хаягийг олжээ. Лизагийн амьдарч буй хаяг аль дөчин жилийн өмнөх хаяг байв. Энэ хүмүүсийг олоход Наижлд тусламж хэрэгтэй байлаа.
Наижл Хадер луу утасдаж олсон мэдээллээ дамжуулав. Хадер Кэллогийн мэдээллийг олуулахаар хэн хөлсөлснийг мэдэхээр Ислингтон, Хакнейгийн захад байдаг Даквортын байр луу явж байжээ. Хадер Наижлийг тэнд очиж өөртэй нь уулзаж ярилцахыг санал болгов. Наижлыг Даквортын албаны жижиг өрөөнд орж ирэхэд Хадер Дринквотер хоёр дүнсгэр царайлчихсан түүнийг хүлээн зогсож байлаа. Дакворт тэнд байсангүй. Хадер гартаа барьж байсан ногоон хайрцагтай баримтуудыг ширээн дээр тавиад бүгдийг шалгахыг Наижлаас хүсэв. Хайрцагны таган дээр цагаан цаасан дээр Кэллогийн нэрийг бичжээ. Наижл дүүрэн баримттай хайрцгийг нээвэл бор цаасан хавтаснууд байлаа. Дээд талын хавтасны нүүрэн дээр ДАРБИШИР гэж бүдүүн хар харандаагаар бичжээ. Дотор нь 1870 оноос одоог хүртэлх сонины редактор байсан Айвор Дарбиширийн удмынхны төрсний-, гэрлэлтийн-, нас баралтын гэрчилгээний хууулбарууд байв. Наижл бүх баримтыг шалгаж үзээд одоо хорь орчим хүн амьд байгааг мэдлээ. Хавтсан дотроос тэр Жэймс Дарбиширийн төрсний гэрчилгээг олов.
- Хайрцганд нөгөө дөрвөн хохиригчийн баримтууд бас байна лээ гэж Хадер хэллээ.
- Алуурчин бүгдийг мэдэж байжээ.
- Тэр бүгдийг судалж олсон байна гэснээ Хадер
- Чи үүнийг унших хэрэгтэй гэж хэлээд компьютерын хулганыг гүйлгэн дэлгэцийг асаалаа.
Тэнд КЭЛЛОГИЙН ЗАХИА гэж гарчигласан өнгөрсөн лхагва гаригт бичсэн баримт харагдав. Хадер баримтыг нээлээ.

Хүндэт ноён Кэллог,
Би танд ажиллаад нилээд хугацаа өнгөрлөө. Танд цуглуулж өгсөн судалгааны ажлын маань сүүлчийн тооцоог төлж барагдуулахыг танд сануулах нь зүйтэй болов уу гэж би бодсон юм. Мөн хийж өгсөн ажилд маань таныг сэтгэл хангалуун байгаа гэдэгт би найдаж байна.
Судалгааны ажлын явцад миний олж тодруулсан зүйл таны өгсөн даалгаврын шалтгаан байсан гэдгийг бид хоёр хоёулаа сайн мэдэж байгаа. Сонин уншаад миний танд олж өгөх ёстой байсан хүмүүс, Ноттинг Хиллд цуврал алуурчны золиос болсон хохирогчид хоорондоо тохирч байсан нь миний анхаарлыг татсан. Олж авсан мэдээллээрээ хүмүүсийг дүгнэж цэгнэх нь миний ажил биш. Гэвч энэ удаагийн тохиолдолд би хууль ёсны үүрэг хариуцлага гэж юу болохыг бодоход хүрлээ. Ийм онцгой нөхцөлд миний төлбөрийг нэмэх талаар бид тохиролцож болох юм. Танд олж өгсөн мэдээллийг сонирхох цагдаагийн газар, өдөр тутмын сонины газруудтай би байнгын холбоотой байдаг. Үнэнч байх гэдэг бол миний өдөр тутмын ажилдаа баримталж явах ёстой зарчим юм. Гэвч энэ удаа би таны нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн зарчмаасаа ухарч болно гэж бодож байна. Сонголтыг танд үлдээе.
Таныг хүндэтгэсэн
Дакворт.

Наижл толгой сэгсэрлээ. Даквортыг цагдаагийн газар луу очихын оронд алуурчинг сүрдүүлэхийг оролдсон гэдэгт тэр итгэж чадахгүй байв. Гэвч тэр үүнийг хийжээ. Ингэнэ гэдгийг нь урьдчилан мэдэж байсан учраас л алуурчин түүнийг зориуд сонгож ажиллуулсан байна.
- Бид баримтуудыг илгээсэн нэг шуудангийн хаяг олсон. Эзэн нь ноён Кэллог, Лайнстер Гарден 24, W2. Тийшээ нэг баг хэдийн замдаа гарсан.
- Наад хаягаа дахиад нэг хэл дээ гэж Наижл хэллээ. Дринквотер хаягийг түүнд давтан хэлэв.
- Багаа тэндээс буцааж тат. Энэ бол хуурамч хаяг.
- Чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? гэж Дринквотер асуув.
- Энэ бол хуурамч байшин.
- Юу? Хуурамч байшин гэнэ ээ?
- Тойргийн замыг тавихын өмнө тэнд төмөр замтай хэт ойрхон байрлаж байсан маш олон байшинг нураасан. Ихэнх айлууд байшингаа зарах шаардлагатай болж өөр газар байр авцгаасан. Лайнстер Гарденгийн оршин суугчид хөршүүдээ бодвол их баян хүмүүс байсан юм. Тэр газрын зарим хэсэг замын ажлаас болж их эвдэрсэн тул тэр зайг нөхөж янзлахдаа 23, 24-р байшинг хуурамчаар барьсан.
- Өө новш гэж Хадер дуу алдлаа.
- Хоггийн ургийн мод хэр урагштай байна? гэж Хадер асуулаа.
- Би яг одоо амьд байгаа хоёр хүн олсон.
- Бид тэднийг хурдан хайж олох хэрэгтэй гэснээ Хадер
- Цаг явсаар байхад одоогоор бидний хийж чадах юм ердөө энэ л юм шиг байна хэмээн хэллээ.
Сонгуулийн үеийн сонгогчдын нэрсийн жагсаалтанд байсан Карл Хоггийн сүүлчийн хаяг Оксфорд Гардены викториагийн үеийн дөрөв, таван давхар харш, орчин үеийн орон сууцнууд холилдон баригдсан гудамжны баруун хэсэгт байдаг орон сууцны барилгад байжээ. Наижл, Хадер хоёр улаан тоосгон барилгын гуравдугаар давхар руу гүйхээрээ шахам очлоо. Тэд Хоггийн хаалганы хонхыг олон дахин дарсан боловч хэн ч хаалга тайлсангүй. Карл хэмээх хүн тэнд амьдардгийг хөрш айлын эмгэн баталлаа. Гэхдээ тэр хүнийг Карл Кийн гэдэг ажээ. Карл гэгч тэр эр хоёр сарын өмнө гэрийнхээ тавилгуудыг хүргэлтийн машинд ачиж явсан боловч дараа нь хэд хэдэн удаа байрандаа ирсэн гэнэ. Эмгэн Карлаас нүүж байгаа эсэхийг асуухад тэр хол явах болсон, гэхдээ энэ байрандаа хааяа ирнэ гэж хэлсэн гэлээ.
- Тэр гэрийнхээ тавилгыг хаашаа зөөж байгаагаа танд хэлсэн үү? гэж Хадерыг асуусанд эмгэн толгой сэгсэрлээ.
- Тэр талаар би мэдэхгүй. Карл ихэвчлэн гэртээ ажилладаг байсан. Тэр өмнө нь хэд хэдэн ном, сэтгүүл гаргасан. Бас Ланкастерын Өргөн чөлөөнд байдаг Методистийн сүмийн дэргэдэх дүүргийн түүх сонирхогчдын клубын ажилд идэвхтэй оролцдог. Тэр тэнд бичсэн номоороо хэдэн удаа илтгэл тавьсан гэсэн.
Түүх сонирхогчдын клуб тэндээс холгүйхэн байдаг сүмийн барилгын ард байв. Хавтастай номнуудыг цэгцтэй нямбайлан өрсөн өрөөнд нүдний шил зүүсэн нэг махлаг эмэгтэй ширээний ард сууж байлаа. Эмэгтэй тэднийг уриалгахнаар дотогшоо оруулав.
- Та бүхэнд би хэрхэн туслахсан бол?
- Бид Карл Хоггийг хайж байна гэж Хадер хэлээд цагдаагийн таних тэмдгээ үзүүлсэнд эмэгтэй их цочирдлоо.
- Бурхан минь. Карл гэнэ ээ? Тэр энд ирээгүй их удаж байна.
- Хэр их удсан юм бэ? Эмэгтэй цонх руу ширтэнгээ сайн гэгч нь гүн амьсгал авлаа.
- Хэдэн сар болж байна. Яг үнэнийг хэлэхэд Карл биднээс залхсан. Тэр бидэнд сэтгэл дундуур байсан юм шиг байна лээ.
- Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Юу л даа, манай түүх сонирхогчдын клуб бол жижигхэн. Гишүүдийн ихэнх нь өвөг дээдсээ хаана амьдарч байсан болон Карибын тэнгисийн тэртээгээс цагаачилж ирсэн хүмүүсийн тухай, мөн Ноттинг Хиллийн Багт наадмын түүх гэх мэт зүйлсийг сонирхдог. Гэтэл харин Карл бидэнтэй адилгүй, огт өөр зүйл сонирхдог байсан гэж хэлж болох юм. Наижл олон нийтэд зориулсан танилцуулга, ном сэтгүүл өрж тавьсан эргэлддэг самбар луу очлоо. Тэр тэндээс "Вэствэйгийн дуу хоолой" гэж гарчигласан жижиг зузаан ном олов. Зохиолчийн нэр Карл Хогг гэж байлаа. Зохиолч номыг өөрийнхөө арга барилаар бичжээ. Ном стандаартын бус, өгүүлбэрүүдийг ар араас нь залгуулан бичсэн, зураг, чимэглэл байхгүй, сонирхогчийн түвшинд хийгдсэн байлаа. Наижл номын агуулгыг гүйлгэн уншвал Ноттинг Хилл, Дэйлд болсон хэргүүдийн тухай өгүүлсэн судалгааны материалуудыг багтаасан ажээ.
Риллингтон Плэйст болсон Кристигийн аллага, Ладброк Гровийн буудалд алуулсан Жимми Хендриксийн тухай, Рахманны байрны эзний жигшүүрт хэрэг, тавь жараад оны үед энэ дүүрэгт болсон арьс өнгөөр ялгаварлагчдын дэгдээсэн үймээн, улс төрч агсан Профумогийн талаархи хов жив, Фрестоны Өргөн чөлөөн дэх оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулагч нарын эсрэг хийсэн эсэргүүцлийн цуглаан, Фрестониа, номныхоо нэрийг зээлж авсан Клашийн дуунд өгүүлдэг эсэргүүцэл, цуглаан жагсаал, анархистуудын хий үзэгдлийн тухай номонд бичжээ. Харин 1879 оны Кенсингтоны алуурчны тухай нэг ч үг байсангүй.
Ширээний ард байсан эмэгтэй Карл Хогг яагаад энд ирэхээ больсныг тайлбарласаар байлаа.
- Карл сэтгэхүйн газар зүй гэж өөрөө нэрлэдэг зүйлдээ бүр донтчихсон байсан. Клубын гишүүдэд энэ талаар ямар ч ойлголт байгаагүй гэдгийг би хэлэх байна. Тэр энэ хавийн гудамжнууд, газар доогуур далдын хүчний энерги урсаж байдаг тухай ойлгоход их хэцүү нэг юмны талаар дандаа ярьдаг байсан. Карл энэ хавийн газрууд халдварлагдсан, тодорхой хэлбэл урьд өмнө болсон үйл явдлуудаас халдвар авсан, тэгээд энэ хэзээ ч арилахгүй гэдэгт бүр итгэчихсэн байсан. Ер нь бол Карлыг солиорчихсон гэхэд болно.
Наижл өмнө нь энэ талаар бас сонирхож байсан. Олон хүмүүс, тэр дундаа эрчүүд гудамж, талбайгаар хий үзэгдэл мэт тархсан Лондон хотын далдын хүч хотын оршин суугчдын хувийн зан чанарт хэрхэн нөлөөлдгийг судалж байсан. Наижл энэ төрлийн онолыг харин хүлээн зөвшөөрдөг. Урьд өмнө Клэркенвэлд байнга болдог байсан бослого, үймээн самууныг үүнээс өөрөөр хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэдхэн хоногийн өмнө Нэлла Перригийн цогцос олдсон газраас хэдхэн метрийн цаана байсан Риллингтон Плэйсийн 10-дугаар байрны хоосон талбайн дэргэд очсоноо саналаа. Аймшигт үйл явдал болсон түүхэн газруудаар очиход тэр бүгд нүднийх нь өмнө харагдах мэт болж, Наижл болсон үйл явдлын дараахь үр дагаврын талаар эрэгцүүлэн боддог билээ. Алуурчин гэмт хэрэг болж байсан газруудын түүхийг судалж мэдсэн юм байна гэдгийг Наижл одоо л ойлгов.
- Карл одоо хаана байгаа бол? Танд мэдэж байгаа юм байна уу? гэж Хадер эмэгтэйгээс асуухыг Наижл сонслоо.
- Карлыг хэн ч дахиж хараагүй. Нэг удаа бид түүний талаар хоорондоо ярилцсан юм. Карл сүүлчийн хоёр гурван жилийн хугацаанд их зожиг болсон. Урьд нь тэр клубт байнга ирж гудамжинд хүмүүстэй байнга ярилдцдаг байсан. Дараа нь тэр гудамжнаас ямар нэг хөгжим аялгуу олж сонссон гэж баталдаг болсон. Тэр үеэс эхлэн Карл ердийн байдгаасаа шал өөр болж өөрчлөгдсөн. Түүнд том мөрөөдөл, хийхийг хүссэн зүйлс их байсан ч юу ч хийхээ больсон.
- Түүнд байнга очдог өөр газрууд байсан болов уу? Магадгүй энэ хавийн уушны газрууд ч юм уу?
- Ландброк Гров, Ланкастерын Өргөн чөлөөний буланд байдаг Кенсингтон Парк. Тэр уушны газрууд айдас төрүүлдэг муухай газар байгаа юм. Гэтэл Карл тийшээ очих дуртай байсан. Цуврал алуурчин Жон Кристи урьд нь тэнд ирдэг байсан гэж тэр бидэнд байнга ярьдаг байсан. Тэр бас Гровт байдаг өндөр орон сууцанд амьдардаг авга эгч Лизагийндаа хааяа очдог.
- Танд баярлалаа гэж Хадер хэлээд явахаар зэхтэл
- Түүнийг баарны үйлчлэгчээр ажилладаг гэж би сонссон юм байна гэж эмэгтэй нэмж хэллээ.
- Хаана?
- Принц Уэльсэд.

Фостер ухаан орлоо. Эмийн үйлчилгээ гарсан учир тэр хүчтэй өвдөлт мэдрэв. Алуурчин өөрт нь нэг тариа хийхийг тэр өмнө нь харжээ. Фостер эмийн тун амийг нь авах байх гэж бодсон боловч дахиад сэргэжээ. Аз уу, эз үү? Мөрөө хөдөлгөх гэтэл баруун бугуй нь тэсэхийн аргагүй өвдөв. Фостер хашгирахыг оролдсон боловч амыг нь тагласан тууз саад боллоо.
- Чамайг ухаангүй байхад чинь би чиний баруун бугуй, шагайг чинь хугалсан гэж Хогг залхуутай өнгөөр хэлээд
- Чи ухаангүй байсандаа надад талархах хэрэгтэй. Хөдлөхгүй хэвт. Одоо дахиад хоёр яс хугалах үлдсэн. Тэгээд дуусна гэв.
Эке Фэйрберн ямар гэмтэлтэй байсныг Фостер санахыг оролдон одоо түүнийг юу хүлээж байгааг мэдэхийг хичээв. Гэвч өвдөлт, мансууруулах эмийн үйлчилгээний нөлөөнөөс болоод оролдлого нь бүтэлтэй болсонгүй. Хэр удаан ингэж хэвтэж байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэр дахиад ухаан алдчихав. Фостерыг дахиад сэргэвэл амнаас нь туузыг салгаж авсан байжээ. Фостер утга авцалдаагүй хэдэн үг арай гэж бувтнасан боловч Хогг хариу үг дуугарсангүй.
Хураалттай хайрцагны цаана нэг бүдэгхэн чимээ гарахыг Фостер сонслоо.
- Бүгд сэрж байх шив гэж Хогг хэлэв Дараа нь ямар нэг шил хагалж онгойлгох чимээ гарлаа. Нүднийхээ буланд Хоггийг хайрцагнуудын араар орохыг Фостер харав. Нэг хүн аяархан ёолоход хариуд нь Хогг түүнд дуугүй байхыг сануулаад эргэж ирэхдээ гартаа тариур барьсан харагдлаа.
- Тэнд хэн байгаа юм бэ? гэж Фостер асуулаа. 1879 онд таван хохирогч байсан. Эсвэл зургаа байсан юм болов уу?
- Тэр надад өнгөрсөн хэдэн долоо хоногт тусалж
байсан юм. Түүнийг хардамтгай гэдгийг мэдэж байсан ч чухам ямар зорилготой гэдгээ хэлээгүй. Гэхдээ би сайн сонголт хийсэн шүү. Тэр цагдаагийн газар луу явахын оронд амаа хамхиж байхын тулд надаас төлбөр шаардсан. Тэр удахгүй шангаа хүртэх болно гэж Хогг хэлээд мушийн инээмсэглэлээ.
Фостер ухаан алдчихгүйн тулд байдгаараа хичээж байв. Тэр хөл нь хэд хэдэн газраа хугарч, яс нь ил гарсан байгаа гэдэгт итгэлтэй байлаа. Яаралтай тусламж авахгүй бол тэр удахгүй эд эсийн үхжилтээр амиа алдах болно. Эндээс амьд гарлаа ч тэр хөлөө алдана. Фостер юм бодохгүйг хичээн хэсэг хэвтэв. Хүлээстэй, эмийн үйлчилгээн доор, хамаг бие нь хэмхэрч хугарсан түүнд эндээс мултрах ямар ч арга байхгүй.
- Чи тэднийг энд авчирч байсан уу? гэж Фостер асуулаа. Хэдий энэ бүхэн түүнд ашиг болохгүй ч тэр аль болох ихийг мэдэхийг хүсжээ.
- Эллисээс бусдыг энд авчирсан. Би түүнийг хөлсөлж авсан байрандаа хорьж, түүнд зориулж маш их тайвшруулах эм хэрэглэсэн. Сүүлчийн тунг хэтрүүлснээс болоод тэр намайг алахаас өмнө үхчихсэн. Гэхдээ хэн ч алдаанаасаа суралцдаг. Бусад хүмүүсийн хувьд харин энэ их тохиромжтой газар. Энд хэрэгт дурлаад байх хөршүүд байхгүй, аюулгүй найдвартай, хүргэлтийн машинаараа шууд ороод ирж болно. Тэгээд бас дуу намсгах тал дээр би их анхаарсан болохоор чамайг хичнээн чанга орилсон ч хэн ч сонсохгүй гэж Хогг хариуллаа.
- Тэд бүгдээрээ чамайг ... амьд байсан уу?
- Тийм ээ, тэд наад орон дээр чинь мансуурчихсан хэвтэж байсан. Тэд бүгдийг мэдэрсэн. Тэгэх ч ёстой байсан.
Фостер огиулмаар болов. Уур хорсол нь түүнд хүч өгчээ. Үхлээ хүлээж тамлуулаад хэвтэнэ гэж лав байхгүй.
- Чи өшөө хорслоос болж хүн алаагүй юм байна. Тэр хүмүүст ямар ч буруу байгаагүй. Бусдыг тарчилган зовоож байж сэтгэл чинь ханадаг учраас чи ингэдэг. Хийсэн хэрэгтээ хуурамч шалтаг олж, зөвхөн бусдад өөр ойлголт өгөхийн тулд үүнийг бодож олсон биз дээ. Чамд өвөг эцгээсээ ялгараад байх юм юу ч алга. Чи бүр түүнээс илүү аймшигтай юм байна.
Фостер дахин ярих хүчгүй болсон тул дуугүй болов. Уурыг нь хүргэхээр үг хэлэхийг хичээн дахин нэг гүн амьсгал авах үед алуурчин дэргэд нь ирж зогсохыг мэдэрлээ.
- Хугалах үед ямар яс илүү их өвддөгийг чи мэдэх үү? гэж Хогг чихэнд нь шивнэв. Цааш нь юу хэлэхийг нь сонсохыг хүсээгүй Фостер
- Там руугаа тонил гэлээ. Хоггийн нүүр нь уурласандаа час улайж, амыг нь дахин наадаг туузаар таглав. Тэр мунаа өргөж Фостерын эгэм дээр хамаг хүчээрээ буулгалаа. Фостер эгэмний дунд хэсэгт цохилт ирэхийг мэдэрч, тэр дороо хүзүү, далнаас эхлээд биенийх нь баруун тал тэр чигээрээ янгинав. Фостер дотроо хамаг тэнхээгээрээ ориллоо. Түүнийг өвдөлтөөс болж дороо мурилзан хөдөлж байх хооронд алуурчин холдон явснаа эргэж ирэн гарт нь тариа хийв.

Орой бүрэнхий болж байхад Хадер, Наижл хоёр Принц Уэльс рүү яаран очлоо. Фостерыг алга болохын өмнөхөн болсон явдлын талаар тэд ажилчдаас олж сонсов. Фостер энд Карл Хоггийг сураглан иржээ. Дараа нь тэр Хоггтой хамт сууж юм ууж байгаад согтож унасан гэнэ. Тэр уушны газар орж ирэх үедээ хэдийн согтуу байх шиг байсан гэж тэдний нэг хэлэв. Хадер түүнийг хэт ядарснаас болж тэгж харагдсан гэдгийг ойлгож байлаа. Фостерыг ухаангүй унах үед Хогг түүнийг түшиж аваад гэрт нь хүргэхээр авч явахдаа өөрийнхөө хүргэлтийн улаан машинаар явжээ. Фостерын машин уушны газраас холгүй зогсоол дээр байлаа.
Хогг төлбөрөө дандаа бэлэн мөнгөөр хийдэг байжээ. Тэр өнгөрсөн баасан болон ням гаригт үдийн цайны үеэр ажиллажээ. Ажилчид Хоггийн утасны дугаарыг мэдэж байсан боловч гар утас хаалттай байлаа. Машин түүний нэр дээр бүртгэлгүй, бас түүнд зээлийн карт огт байгаагүй бололтой.
- Тэр бүгдийг нуун далдалж, урьдчилсан арга хэмжээ авсан байжээ гэж Хадер баргар царайлан хэллээ.
Тэд Лиза Хоггийн гэрийн хаягийг утсаар тодруулж авангуутаа тийшээ хар хурдаараа давхив. Наижл юу ч хийж чадахгүй зөвхөн машины урд самбар дээрх хором бүрийг тоолон хөдлөх цаг руу харан сууна. Тэднийг Ладброк Гровын зүүн хэсэгт байдаг цамхагт орон сууцанд очиход цаг хэдийн арав болж байв. Хадер хонхны товчлуур дээр дарлаа. Наижл хаалганы хажууд байсан цонхоор дотогш харвал гал тогооны өрөө бололтой усны крант дээр резинэн бээлий тохоостой харагдав.
Тэр хоёрыг хөршийн хаалга руу явахыг завдах үед үүдний хонгилд гэрэл асав. Гинж мултрах сонсогдож, хаалганд бага зэрэг завсар гаран нэг өндөр настай эмэгтэйн нүүр цухуйлаа.
- Хэн бэ?
- Та хатагтай Хогг мөн үү? Эмгэнийг толгой дохьсонд Хадер таних тэмдгээ үзүүлээд
- Таныг сэрээсэн бол биднийг уучлаарай. Бид тантай ярилцах хэрэгтэй байна. Энэ танд аюултай юм биш гэж түүнд хэллээ. Лиза тэднийг дотогш оруулав. Тэр гэрийн халаат, шаахай өмсжээ. Тэднийг зочдын өрөөнд ороход Лиза буйдан дээр тухлан хэвтэж байсан муурнуудыг хөөж гаргав. Хадер, Наижл хоёр хуучирсан цэцгэн хээтэй буйдан дээр сууцгаалаа. Одоо болж байгаа бүхэн Наижлд амаргүй байсан учраас үг хэлэх ч сөхөөгүй байсан бол харин Хадер Лизатай ярилцахыг маш их хүсэж байв. Хадер гэнэт ирсэндээ дахин уучлалт гуйгаад
- Бид танаас төрлийн чинь нэг хүний байдаг газрыг мэдэхээр ирсэн юм.
- Надад төрлийн маань гэх ганцxан хүн байгаа. Та Карлыг хэлж байгаа биз дээ? гэж эмгэн нойрмоглосон хэвээр байгаа бололтой аяархан хэлэв.
- Та Карлыг ойрын үед харсан уу? Лиза толгой сэгсрээд
- Сүүлийн үед тэр над дээр бараг ирэхээ больсон гэлээ.
- Тэгвэл тэр урьд нь байнга ирдэг байжээ?
- Тэр энд амьдарч байсан. Болсон явдлуудын дараа.
- Юу болсон юм бэ? Лиза бодлоо цэгцлэх мэт хэсэг дуугүй болов.
- Юунаас эхлээсэй гэж та хүсэж байна бэ? Хөөрхий хүүд амьдрал их хатуу ширүүн хандсан. Хадер, Наижл хоёр өөр хоорондоо харц солилцов.
- Та тодорхой ярь даа гэж Хадер хэллээ.
- Эцэг нь Карлыг ахтай нь хамт өсгөж байсан юм. Тэдний эцгийг ажлаасаа ирж явах замд нь согтуу жолооч мөргөж тэр газар дээрээ нас барсан. Карл маш их гашуудаж байсан. Тэр аав, ах хоёртоо маш их хайртай байсан. Карл над дээр ирж, ах нь их сургуульд суралцаж байсан. Карлын ах Дэвид асуудалд их ордог байснаа сургууль дээрээ өөрийгөө дүүжлэн амиа хорлож үхсэн. Наижл ГБТ дээр хийсэн судалгааныхаа явцад энэ тухай бүгдийг мэджээ. Гэвч одоо энэ настай эмгэний амнаас сонсоход энэ гэр бүл тэр чигээрээ халдвар авсныг мэдрэх шиг болов.
- Карл манайд ирснийхээ дараа өөрийгөө бүх юмнаас тусгаарласан. Тэр өдрийн турш хана ширтээд л суучихдаг, юу ч хийх сонирхолгүй болсон байсан. Харин ганц хийдэг байсан юм нь гэвэл гэр бүлийнхээ түүх намтрыг судлах явдал байсан. Бидний өнгөрсөн үеийн түүх намтарт арилшгүй том хар толбо байдгийг та мэдсэн биз дээ.
- Тийм ээ. Карл үүнийг мэдэж байсан уу? Лиза толгой дохиод
- Манай гэр бүл, төрөл төрөгсөд бүгд мэддэг байсан гэлээ.
- Карл энэ талаар сонирхон судалж байсан гэж та хэллээ.
- Тэгж хэлж болох юм. Тэр зөвхөн энэ талаар судалж, хүн амины хэрэг гарсан газруудаар явдаг байсан. Өдөр ч, шөнө ч тэр гудамжаар тэнүүчилдэг болсон. Наяад оны үед юм байна. Тэр үеэс хойш Карл хэрэг гарсан газрын түүхийг бичихээр шийдэж гадагшаа байнга гардаг болсон юм. Тэр бүр энэ ажилдаа хамаг анхаарлаа хандуулж бараг солиорчихсон байсан. Ямартай ч тэр захиаг унших хүртэл шүү дээ.
Лиза босож бичгийн ширээ рүү очин шургуулга онгойлгоод онгичиж эхэллээ. Наижл бүр тэсэж сууж чадахгүй болжээ. Хурдлаач хэмээн дотро бачимдан бодсон тэрбээр ханан зуухан дээр өлгөөтэй байсан цаг руу хяламхийн харлаа. Эцэст нь Лиза нэг эвхэж нугалсан цаас авчрав.
- Энэ бол миний түүнд үзүүлсэн захидал байгаа юм гээд тэр цаасыг тэдэн рүү сарвайлаа.
- Энэ бол Сэгарын хүү Исогийн амиа хорлохын өмнө бичсэн захидал байгаа юм. Карл захидлыг бараг орой болгон уншдаг байсан. Хадер цаасыг болгоомжтой тэнийлгэв. Цаас бүр хуучирч нугалаасаараа бараг салж унах шахжээ. Наижл Хадертай хамт захиаг уншихаар тонгойлоо. Захианд ямар нэгэн хандсан хүний нэр, бичсэн хүний гарын үзэг байгаагүй боловч Наижл энэ захиаг жинхэнэ гэдэгт итгэв.

Тэр хүмүүс алж байгааг би мэдсэн. Юунаас болоод ийм дүгнэлтэнд хүрснээ би тайлбарлаж чадахгүй. Өдөр шөнийн дэглэм нь өөрчлөгдөж, харц нь ер бусын аймшигтай болсноос ч байж магадгүй. Цагдаагийнхан хохирогч олох бүрт энэ бүхэнд миний эцэг хамаатай болох нь надад улам тодорхой болж байв. Түүний шөнө бүр гарч явдаг болсон, нүдэнд нь үргэлж үзэн ядалт дүрэлзэж байхыг харснаас өөр баримт надад байсангүй. Тэр надтай ярилцахаа хэдийн больсон. Хэдийгээр би түүнд таалагдах гэж чадах бүхнээ хийсэн боловч энэ бүхэн эцгийн маань сэтгэлд хүрээгүй нь ойлгомжтой байсан.
Нэг орой би түүнийг гадагшаа гарахыг сонсоод цонхоор үсрэн гарлаа. Хотод өтгөн манан буусан болохоор би чимээ гарсан зүг рүү явж түүнийг сэмхэн дагасан. Би араас нь нуугдан явсаар тэр гудамж хөндлөн гарч ирсэн нэг согтуу тэнүүлчинг барьж авахыг харсан. Дараа нь би аяархан ёолох чимээ сонсож хөөрхий тэнүүлчин газар унасан. Эцгийг эргэн тойрноо харах мөчид би доошоо нуугдаж амжсан. Тэр эргээд шууд гэр лүүгээ алхсан.
Би түүнээс түрүүлж гэртээ ирж чадаагүй. Маргааш өглөө нь тэр надаас хаана байсныг асуухад би зодуулна гэдгээ мэдэж байсан ч дальдчин байж найзтайгаа уулзах хэрэгтэй байсан гэж хариуллаа. Тэр намайг зодохоор барьж авахад ээж түүнийг хориглосон. Ээж маань суран бүсээр ороолгоход үүссэн нуруун дээрх шархыг минь цэвэрлэж байхад би орон дээрээ доошоо харан хэвтээд уйлж байлаа. Ээж миний мэдэхгүй нэг бурхныг дуудаж эцгийг маань авч яваасай гэж залбирахыг сонссон. Гэвч тэр бурхан нь ирээгүй.
Тэр өдрөөс хойш тэр улам аймшигтай болсон. Бид өдөрт дөрвөн удаа бурханд залбирах ёстой байлаа. Тэр намайг байнга зодно. Тэгтэл нөгөө хэрэг болсон орой боллоо. Бид түүний тушаалаар зоорь луу орцгоосон. Би зоориноос гарах чийгний муухай үнэр, хүйтэн шалыг одоо ч санадаг, бас тэр дуу чимээ ... , ээжийн минь амь тэмцэн цусандаа хахаж цацан хэржигнэх. Тэр намайг барьж аваад хүзүүнд минь хутгаа зоосон. Түүний нүд галзуу мэт том, дүрлийсэн харагдаж байсан. Дараа нь надад санах юм байхгүй.
Тэр үеэс хойш би тэнэг юм шиг амьдарсан. Миний зүрх сэтгэл энэ аймшигт нууцыг хадгалсаар байлаа. Одоог хүртэл. Энэ аймшигтай амьдралаа эцэс болгох өнөөдрийг хүртэл. Тэр хүний цус миний судсаар урсаж байгаа. Би энэ бүхэнд цэг тавих ёстой. Үхэхийн өмнөх сүүлчийн хүсэл маань миний дараагийн төрлийнхөн маань энэ жигшүүрт толбогүйгээр тайван амгалан амьдраасай гэдэг л байна.


Хадер захиаг буцааж эвхээд
- Та Карлыг сүүлийн үед энд бараг ирэхгүй байгаа гэсэн гэж хэллээ. Лиза толгой сэгсрээд
- Жилдээ нэг юм уу, хоёр удаа. Түүний юу хийж явааг би мэдэхгүй. Карл аль хэдийнээс ном бичихээ больсон. Ном нь хэвлэгдэхээр тэр ихэвчлэн надад нэгийг авчирж өгдөг юм. Сүүлийн жилд ямар ч гэсэн ийм юм болоогүй. Номоо бичиж байхад түүний бүх юм хэвийн байх шиг байсан. Миний бодлоор хүмүүс өөрийг нь сонсоно гэж Карл бодсон боловч тийм юм болоогүй бололтой. Сүүлд нэг удаа уулзахад тэр надад өөр юм хийгээд завгүй байгаа гэж хэлсэн.
- Тэр яг юу хийж байсныг та мэдсэн үү? Түүнд найз нар байдаг уу?
- Үгүй, одоо түүнд найз байхгүй. Тэр нэг байшингийн ойролцоо юм эрж хайж байгаа гэсэн.
- Нэг байшин гэнэ ээ?
- Памбер Стрийтэд байдаг Сэгар Кэллогийн байшин.

Фостер ухаан орсныхоо дараа ярьж чадахгүй байлаа. Ам нь эвшээлгэж байгаад гацсан мэт байдгаараа том ангайжээ. Амаа хамхих гэсэн боловч эрүүг нь тэвхдсэн бололтой. Фостер харцаа доошлуулвал амных нь тушаа нэг төмөр багаж харагдав. Өөрийн эрхгүй хэдэн удаа амаараа амьсгалтал хоолой нь дороо хатлаа. Фостерыг амьсгал авч чадахгүй байсаар хоолой нь боогдож үхэх нь гэсэн айдас бүчин авлаа. Тэгээд хамраараа амьсгалахыг оролдов. Шүднүүдийг минь л биш шүү гэж Фостер дотроо бодлоо. Хэлээ дээш доош хөдөлгөж үзвэл зөвхөн доод шүдэндээ хүргэж чадав. Тэнд нэг резинэн хавчуурга мэдрэгдэв. Амыг нь нэг багажаар тэвхдэн онгойлгожээ.
- Харамсалтай нь би дахиад ямар ч асуултанд хариулж чадахгүй. Учир нь энд дахиж асуулт тавих боломж байхгүй гэж алуурчин хэллээ. Фостер шархдсан араатан мэт хүлээснээсээ мултрах гэж оролдтол өвдөлт нь ихэссэн тул амьд гарахсан гэсэн хүмүүний зөнгөөр дахин хөдлөхөө болив. Тэр өөрийгөө ингэж дуусна гэж хэзээ ч бодож байсангүй. Ийм нөхцөлд л лав биш. Магадгүй шөнө унтаж байх үедээ зүрхний шигдээсээр ч юм уу, эсвэл сэжигтний араас мөрдөж яваад суманд оногдох ч юм уу. Энэ тухай дарс уучихаад орондоо хэвтэж байхдаа тэр бодож байсан удаатай. Харин нэг новшийн маньякаар тамлуулж үхнэ гэж Фостер хэзээ ч бодож байсангүй. Хэрвээ гарт нь буу байсан бол энэ бүхнийг дуусгахын тулд тэр ямар ч эргэлзээгүй толгой руугаа буудах байлаа.
- Одоо чиний аманд бхэлсэн багажийг ам тэлэгч гэдэг юм. Би багажинд жаахан тохиргоо хийсэн. Бусдыг тамлан зовоож таашаал авахдаа өөрийн хүч чадлаа харуулахын тулд садистууд энэ багажийг ашигладаг юм. Тэд энэ багажиндаа их итгэл найдвар тавьж интернет дээр сурталчилсан байдаг. Карл дээрээс нь тонгойх үед Фостер түүний халуун амьсгааг мэдрэв.
- Энд хоёр боолт байгаа. Чи үүнийг харж чадахгүй. Багаж хөдөллөө. Боолтнууд амных нь хоёр талд байгаа бололтой.
- Би хэрвээ боолтыг цагийн зүүний дагуу эргүүлбэл чиний дээд доод эрүүнд бэхэлсэн хавтангууд хоорондоо ойртоно.
Багаж суларч, эрүү нь бага зэрэг хамхигдан өвдөлт нь багасав.
- Харин цагийн зүүний эсрэг эргүүлбэл ... Боолтнууд хөдлөхийг Фостер мэдрэв. Дээд доод эрүүний хоорондохи зай ихэслээ.
- Хэрвээ би боолтыг эргүүлээд л байвал чиний эрүүний яс хугарна. Маш удаан. Карл боолтыг ховил ховилоор эргүүлсээр байлаа. Фостерын эрүү тэвхэгдэн улам холдсоор түүний сэрэх үед байсан эхний байрлалд ирлээ. Амных нь булан урагджээ. Амьсгал авах улам хэцүү болж эцэст нь агааргүй болж Фостер ухаан алдах гэж байгаагаа мэдэрлээ. Түүний амыг эцэст нь тултал онгойлгосноос хүзүү нь нугдайн амьсгалын зам нь дарагдаж хаагджээ. Фостерт дахин тэмцэлдэх хүч чадал байсангүй, ухаан санаа нь самууран ...

Барбитуратыг гудамжнаас худалдан авч болдог болжээ. Тэдний мэдээлэгч, нэг мансууруулагч зардаг хүн түүнд хямдхан үнээр тэр эмийг олж өгч чадна гэжээ. Гурван хоногийн дараа тэд машины зогсоол дээр уулзаж Фостер түүнээс нэг эмтэй шил авав.
- Чи юу хийхээ сайн мэдэж байгаа биз дээ? гэснээ нөгөө эр
- Миний нэг хамсаатан наад эмийг чинь их хүчтэй эд гэсэн шүү гэлээ. Фостер нөгөө эрийг тайвшруулаад эмийг эцэгтээ өгөх гэж байгаагаа хэлсэнгүй.
Тэр орой эцэг нь нөгөө зүйлээ хийхээр шийджээ. Тэд бүгдийг бэлэн болгосон байлаа. Орой болоход тэд гал тогооны ширээнд хамтдаа суун 1964 оны Chateau Montrose дарс задалж ууцгаав. Тэр жил бороо их орсноос ургац алдахад хүрсэн ч Montrose дарах усан үзмийг агаар муудаж шуурга тавихаас өмнө хурааж авсан байжээ. Иймээс тэр жилийн дарс маш ховор байдаг. Энэ дарсыг эцэг нь маш удаан хадгалсан.
Эцэг нь дарсаа уугаад амаа тамшаалж билээ. Дарснаас балгахаасаа өмнө тэр дарсныхаа сайхан улаан өнгийг анхааралтай ажиглан хундаганд хамраа шургуулж тааламжтай нь аргагүй үнэрлэжээ. Түүний царай их л таашаасан бололтой гэрэлтэн дарснаасаа балгахад Фостер бас хундагатайгаа уужээ. Дарсны исгэлэн амт яг таарсан, эрдэнэс мэт таннин амтагдаж, хоолойгоор шингэн хамба хилэн мэт зөөлхөн гулган орж байлаа. Энэ бол түүний ховорхон амсаж байсан торгомсог сайхан дарс байв. Эцэг нь дарсны дусал бүрийг шимтэн тамшаална.
Хундага хоосроход эцэг нь шууд босов. Сүүлийн үед тэр нэг хундага дарснаас хэтрэхээ больсон билээ.
- Аав аа, үүнийг битгий хийгээч дээ гэж хэлэх үед Фостерын хоолойд юм торох шиг болов.
- Одоо надад амьдралаас дахиад хүсэх юм байхгүй болсон гэж эцэг нь хэлээд
- Хэдхэн жилийн дотор намайг идсээр байх хорт хавдраар би үхнэ. Энэ амьдралаас хэзээ явахаа би өөрөө шийднэ.
- Аав минь, та яагаад ийм болчихов оо? Та үргэлж тэмцэгч байсан шүү дээ. Эцэг нь яриаг нь тасалж гараа өргөөд
- Би өөрийгөө буруутан гэж бодмооргүй байна. Эйтанази гэдэг тайван үхэх гэсэн үг. Үүнийг л би хүсэж байна. Миний шийдвэрийг хүндэтгэж үз. Чи зарим тэмцэлд хичээгээд ч ялагдана, зарим үед чамд ялж гарахыг хүсэхгүй тэмцэл гэж бас байдаг юм. Чи хэрвээ хүсэж байвал намайг орхиод яв. Би чамайг ойлгож байна. Чи миний төлөө чадах бүхнээ хийсэн гэж хэлээд Фостерын нүд рүү эгцлэн харж
- Чи үүнийг хэзээ нэгэн цагт ойлгох болно гэлээ.
Эцэг нь шатаар дээшээ аажуухан өгсөв. Фостер араас нь даган явж байхдаа дотроо яг одоо болж байгаа энэ бүхэнд итгэж чадахгүй байлаа. Өрөөндөө орж ирээд эцэг нь дэрнүүдээ хөвсийлгөн сэгсэрснээ орон дээрээ гаран хэвтлээ. Түүний дэргэд ширээн дээр эмтэй шил харагдана. Фостерын нулимс өөрийн эрхгүй дуслан тэрбээр эцгийнхээ орон дээр нь сандайлан суулаа. Тэр одоо ямар ч хүчгүй, эсэргүүцэх чадалгүй нэгэн болсноо ойлгов. Фостер юу ч хийж чадсангүй. Тэр айж байлаа. Дэргэд нь энэ хөгшин дандаа байсан юмсан.
Хэн нь ч юм хэлсэнгүй. Тэд бие биенээ тэврэн авлаа. Эцэг нь түүнд өөрөөр нь бахархаж явдгаа, түүнийг их хайрладгаа хэлэв. Фостер мөн адил эцэгтээ энэ үгнүүдийг хэлэхдээ маш их шаналж байлаа.
Эцэг нь гэдрэгээ өндөрсгөж тавьсан дэрээ налж, эмтэй шилийг авч онгойлгон долоон ширхэг цагаан эмийг алган дээрээ унагав. Тэр Фостерыг нулимстай нүдээрээ харан инээмсэглэлээ. Дараа нь тэр нөгөө эмнүүдийг амандаа нэг мөсөн хийгээд нэг том балга усаар даруулан уулаа.


- За, энэ ч их өвдөнө дөө. Алуурчны хэлсэн үг түүнийг бодлоос нь салгаж тэр хаанаа байгаагаа ухаарлаа. Карл боолтнуудыг эргүүлэв.

Хадер Брамлэйгийн Өргөн чөлөөнд ирэнгүүт машинаа огцом тоормослон зогсоолоо. Тэр утсаар цагдаагийн зэвсэглэсэн бүрэлдхүүнийг яаралтай илгээхийг хүсээд дараа нь Ноттинг Дэйлийн замын гэрэлтүүлгээр бүдэг гэрэлтүүлсэн нарийн гудамжнуудыг хар хурдаараа сүлжин давхижээ.
Хадер Наижл руу харан
- Фостер өөрийгөө аль болох удаан амьд байлгахыг хичээх болно гэж шүд зуун хэллээ. Хадер Фостерт маш их итгэж байсан бөгөөд Наижл ч бас итгэхийг хүсэж байв. Шөнө дунд болоход хагас цаг дутуу байлаа. Тэд машинаас үсрэн бууцгаав. Наижл гартаа 1893 оны газрын зураг, гар чийдэн хоёр барьжээ. Тэр зурган дээр байсан Памбер Стрийтийн байрлалыг олохоор түрүүлж алхлаа.
Тэдний толгой дээр шөнийн агаарт гэрэл нь гялалзан харагдах Вэствэйгийн бетонон зам байв. Наижл метроны машины зогсоол, гарааж руу хүрдэг нарийн замыг даган явахад Хадер араас нь дагалаа.
Памбер Стрийт байсан газар хөл бөмбөгийн талбай барьжээ. Дээгүүр нь тавьсан хурдны замыг барих үед энэ хавийн гудамжнуудыг тэгшлэхэд тэр гудамж бас оржээ. Зургаар бол Памбер стрийт Вэствэйгийн хойд талд байжээ. Наижл зурган дээрх гудамжны тахир муруйг хуруугаараа гүйлгэн харж байснаа өндийн харж нүдэнд тусахааргүй хэдэн тоосгон байшингуудыг ширтлээ. Байшингууд руу алхах зуур холхон нэг том машин хүчтэй тоормослохыг сонсоод Наижл эргэж харвал зэвсэглэсэн нэмэлт цагдаа нар ирцгээж байлаа.
- Замаа үргэлжлүүл гэж Хадер амьсгаадан хэлээд
- Тэр байрыг хурдан ол! гэлээ.
Наижл Памбер Стрийт байсан газар байгаа одоо ч хүмүүс амьдарсаар байгаа хэдэн байшинг чиглэн алхав. Хэдхэн айлын гэрэл асаалттай харагдана. Тэр хоёрыг нэмэлт хүчнийхэн гүйцэж ирлээ. Хадер, Наижл хоёр байрны гадна хаалгаар орон шатаар өгсөв.
- Одоо яах вэ? гэж Хадер амьсгаагаа дарахаар түр зогсох үед Наижлаас асуулаа.
- Дугаар 12 гэж Наижл хэлээд шатаар хурдлан гүйлээ. Энэ бол Сэгар Кэллогийн дэлгүүрийн байрны дугаар байжээ. Түүний зөн совин Сэгарын удмын хүн энэ дугаарын байрыг сонгоно гэж хэлээд байлаа. Тэд хоёрдугаар давхарт гарч хаалгануудыг өнгөрөн явцгаав. Цагдаа нар тэдний араас ирцгээжээ.
Наижл 12 дугаартай хаалган дээр ирээд нэг алхам хойш ухарлаа. Бүгд чимээгүй болцгоов. Наижл баруун талдаа замын машины гэрэлд тод харагдах Хадерыг олж харлаа. Хадерын бараан нүд сэтгэл хөдөлснөөс бас айснаас болж томорсон харагдана. Наижлийн зүрх бараг амаар нь гарах гэж байгаа мэт цээжийг нь дэлдэн хурдан цохилж байв.
Дөрвөн хүн шөнийн дуран зүүцгээж байрлалаа аван зогсоцгоолоо. Байрнаас ямар ч чимээ анир гарахгүй, гадагшаа гэрэл тусахгүй байв. Тэд үг дуугүй гурав тоолоод нэг цагдаа хаалгыг хамаг хүчээрээ тийрэн онгойлгоход бусад нь тэр дороо хашгиралдсаар дотогшоо нэвтрэн орцгоолоо. Хадер багийн араас дагаж, Наижл бас сонирхолдоо хөтлөгдөн тэднээс хоцрохыг хүссэнгүй. Эрчүүд анхааруулах дохио өгөн байрны булан
тохой бүрийг шалган гүйлдэнэ.
Наижлын нүд харанхуйд дасаагүй байсан бөгөөд гэнэт буун дуу гарах байх гэж эмээн бэлтгэлтэй байлаа. Юу ч болсонгүй. Тэр жижигхэн зочны өрөө хүнгүй хоосон байжээ. Унтлагын өрөөнд бас юу ч байсангүй. Тэд гал тогооны өрөөнд орцгоолоо. Бас л хоосон ажээ. Байрнаас хөгц, чийгний үнэр ханхалж байв. Наижл харанхуйд Хадерын дууг сонслоо.
- Чи 12 байсан гэж сайн мэдэж байгаа юм уу? гэж тэр уурсангуй асуув.
- Тийм ээ гэж Наижл сөөнгөтөн хэллээ.
Өөртөө итгэлтэй байсан тэрбээр одоо өөрийгөө шал хэрэггүй амьтан мэтээр төсөөлөн бодов. Онгорхой хаалгаар цагдаа нар нэмэгдэн орж ирсээр байлаа. Гэнэт тэдний нэг өрөөний гэрлийг асаасанд Наижлын нүд гялбаж нүдээ анивчуулав. Өрөөний голд том цагаан хөргөгч, бас нэг сандал байлаа. Наижл Хадер хоёр бие биен рүүгээ харцгаав.
Зэвсэглэсэн хүмүүсийн нэг мөсний хайрцгийг онгойлговол сүүний хагас литрийн сав харагдав. Ажилтан хөлдөөгчний дээд шургуулгыг татаж онгойлговол хоосон байлаа. Дараа нь хоёр дахь шургуулгыг татахад Наижл огцом арагшаа ухрав. Хадер урагш алхахад тэр түүнийг дагахаар шийдлээ. Наижл улаан толбо болсон мөсөн дээр хоёр гар, бас нэг хиймэл үс шиг юм байхыг олж харав.
Дарбиширийн гарнууд, Макдугаллын үстэй хуйх. Тэд зөв газраа ирцгээжээ.
- Хоцорчихож гэж Хадер сэтгэлээр унан хэллээ.

Фостерын чихэнд бүх юм цуурайтан сонсогдоно. Түүний зүрхний цохилт, өнгөцxөн амьсгалах дуу нь, мөн түүний алуурчны дуу хоолой гээд бүгд цуурайтна. Ярих гэж хичээсээр байгаад хамаг тэнхээгээ шавхжээ. Ямар ч өвдөлт мэдэрсэнгүй. Тэр одоо бүх биеэ мэдрэхгүй болжээ. Одоо мэдэрч байгаа юм нь ганцxан энэ цуурай байлаа. Цуурай гэнэт алга болчихов. Тэр агаарт хөвөх мэт бүх бие нь хөнгөрчээ. Бие нь тайвширч, тэр өөрийгөө эрх чөлөөтэй болсон мэт мэдэрнэ.
Тэгтэл хэмхэрч бяцарсан хөл нь янгинан өвдөж эхлэхэд Фостер орон дээр байгаагаа мэдэв. Тэр таталдан байж нүдээ нээлээ.
Мулталж хугалсан эрүүний өвчин бүх биеэр нь тархах боловч тэр зөвхөн аяархан ёолохоос өөр юу ч хийж чадсангүй. Фостер хэсэгхэн зуур мэдэрсэн тэр тайван амгалан байдал, эрх чөлөөг үгүйлэв. Энэ хуучин цаасны муухай үнэр, эвдэрч хэмхэрсэн биенээсээ хол байхыг Фостер хүсжээ.
- Грахам Эллисийг нэг муу тэнүүлчин гэж бодоод чамайг анхаарлаасаа холдуулсан гэж бодож байсан юмсан гэж Хоггийн хэлэхийг тэр сонслоо. Тэр дэргэд нь их ойрхон байгаа бололтой. Тэр юу хийж байгаа юм бол? Зүүн талд нь хүн зогсохыг Фостер мэдэрлээ.
- Одоо нэг их удахгүй. Бүх юм дуусаж байна гэж Хогг хэлэв.
Фостерт тэмцэлдэх хүч байхгүй болжээ. Тэр нүдээ аниад ухаангүй байсан нь дээр юм байна гэж бодов. Гэнэт баруун гарынх нь эрхий хурууны өндөг часxийгээд явчихав. Хутгаар зүсжээ. Энэ юу болохыг Фостер мэдлээ.
Тоон цифр 1.

Наижл өрөөнөөс унах шахан бүдчин гарлаа. Түүнд цэвэр агаар хэрэгтэй байв. Биенээс таслан авсан эрхтнүүд түүний толгойд эргэлдсээр байлаа. Наижл шатаар уруудан бууж, цагдаагийн ажилтнууд, гэрээсээ гарч ирэн, гайхан харж зогсох оршин суугчдын хажуугаар өнгөрлөө.
Хүмүүсийн ихэнх нь унтлагын хувцастай харагдав.
Шөнө дунд болоход хэдхэн минут дутуу байлаа. Наижл одоо бүх найдвар тасарсан гэж боджээ. Фостер хэдийн үхсэн. Алуурчин дийллээ.
Тэр цугласан олныг үл анзааран нэг компаний тоосгон барилга руу эргэн харж зогсов. Бараг хоёр зууны тэртээ яг энэ үед, ийм харанхуй шөнө Исо эцгийнхээ араас даган явж, гэм зэмгүй нэгнийг хэрхэн алахыг харсан. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа Исогийн эцэг Наижлын зогсож байгаа газраас тавин метрийн зайтай байсан дэлгүүрийн доорхи зоорь луу гэр бүлийнхнийгээ хүчээр оруулж алсан.
Гэнэт түүний толгойд "Зоорь!" гэж орж ирлээ.
Наижлын харц барилгын хажуу бөөрөнд байсан хар өнгийн будгаар АГУУЛАХ гэж томоор бичсэн самбар дээр туслаа. Барилгын доод хэсэгт хар өнгөтэй гараажны хаалга руу явсан цардмал зам харагдав. Энэ бол хувь хүмүүст зориулсан эд юмсаа хурааж агуулдаг газар ажээ. Наижл халааснаасаа нөгөө хуучин газрын зургаа гаргаж ирээд гар чийдэнгээ асаалаа. Тэгээд айлуудын байр луу эргэн харав.
1893 оны зураг дээрх гудамж одоо байгаа гудамжнуудтай адилхан булан дээр байсангүй. Тэр дахин хуруугаараа Памбер Стрийтийг дагуулан хөөсөөр шугам яг метроны замын доорхи агуулахыг чиглэснийг олж харлаа. Наижл нөгөө агуулах руу гүйж очтол хаалганы урд нэг хамгаалалтын ажилчин зогсож байлаа.
- Дотор хүн байгаа болов уу? гэж Наижл хаалга руу заан асуув.
- Үгүй гэж манаач хариулаад
- Энд жижүүр хийж байгаа надаас өөр хэн ч байхгүй. Ингэхэд тэнд юу болоод байгаа юм бэ? гэж тэр байр луу заан асуулаа.
- Цагдаагийнхан.
Манаач хөмсгөө өргөснөө
- Чи бас цагдаагийнх уу? гэж асуув.
Наижл худлаа хэлэхээр шийдээд толгойгоо үл мэдэг дохилоо.
- Би наад руу чинь орох хэрэгтэй байна гээд манаачийн ард байгаа хаалга руу зааснаа
- Энэ бол маш чухал гэж нэмж хэлэв.
Манаач яах ёстойгоо мэдэхгүй хэсэг түдгэлзэн зогслоо.
- Намайг дотогшоо оруулчихаад чи түрүүч Хадер Женкинсийг олж наашаа хурдан ирэх хэрэгтэй гэж хэл.
Манаач шийдвэр гаргатлаа их удах шинжтэй бөгөөд Наижл тайлбар хийгээд зогссоор байвал өдөр өнгөрөх төлөвтэй байлаа. Тэр манаачид бодох хугацаа өгөхийг хүссэнгүй. Наижлын нүд очтон гялалзаж бүх юм найдваргүй болохоос өмнө хаалга руу очин бариулаас татан дотогшоо оров.
- 12 дугаарын агуулах хаана байдаг юм бэ?
- Нэг давхрын доор байгаа. Цахилгаан шатаар буугаарай гэж манаач хэлснээ контор руугаа орон төмөр таслагч барин гарч ирлээ.
- Түлхүүр зөвхөн эзэнд нь байдаг. Энэ чамд хэрэг болж магадгүй хэмээн манаач нэмж хэлчихээд эргээд явчихав.
Наижл агуулах руу орж бүдэг гэрэлтэй машины зогсоолын талбайг өнгөрөн цахилгаан шатны том хаалган дээр очлоо.
- Наижл! гэж Хадер шивэгнэн дуудлаа.
Тэр Наижлыг байрнаас холдон явахад араас нь даган иржээ.
- Чи хаачих гэж байгаа юм бэ? Наижл Хадерт Сэгарын гэр бүлийнхэн зооринд алагдсан тухай, бас газрын зургийг дахин шалгаснаа хэллээ.
Хадер түүнийг эргэлзсэн харцаар ширтээд
- Би нэг манаачийн хажуугаар өнгөрсөн. Тэр энд хүн байхгүй гэж батлан хэлж байна гэв.
Наижл мөрөө хавчснаа
- Бид магадгүй бид тэндээс тус болох ямар нэг зүйл олох ч юм бил үү гэлээ.
Хадерын уруулан дээр инээмсэглэл тодорч харцаа төмөр таслагч дээр унагав.
- Үүнийг чи хаанаас олсон юм бэ?
- Хэрвээ чи цагдаа шиг байвал чиний өмнө бүх хаалга нээгдэнэ. Жинхэнэ утгаараа шүү.
Хадер нэмэлт хүч дуудахаар ойрын холбоогоо гаргаж ирэн байгаа газраа хэлээд
- Хурдал! хэмээн тушаал буулгав.
Тэр хоёр цахилгаан шатанд хурдан орж нэг давхар доошлон барагцаалбал зуун метр орчим урт хонгилд гарч ирлээ. Цагаан төмрөн ханан дээр цайвар шар өнгөөр будсан хаалганууд харагдана. Эндэхийн чимээ аниргүй байдлыг зөвхөн агаар сэлгэгчийн хүнгэнэх дуу эвдэнэ. Наижл хаалгануудын завсраар орж агуулахын гүн рүү харлаа. Дараа нь тэр эргэж алхан зүүн талын сүүлчийн хаалган дээр ирэв.
Хаалган дээр дугаар байсангүй. Тэд бие биен рүүгээ харан зогслоо.
- Энэ цоожгүй юм байна гэж Хадер аяархан хэллээ.
Тэдний шалгаж үзсэн бусад хаалганууд цоожтой байжээ. Наижл Хадер луу харлаа. Төмөр таслагч одоохондоо хэрэг болохооргүй байсан ч тэр гартаа чанга атгасаар байв. Хадер хаалганы төмөр бариулыг атгалаа. Тэр чимээ гаргахгүйг хичээн маш аяархан бариулыг доош нь дараад таттал хаалга онгойлоо.
- Бурхан минь гэж тэр аяархан шивнэв.
Картон цаасан хайрцгаар босгосон хана тоосгоор барьсан мэт тэдний өмнө хөндөлдөж харагдлаа. Хананы ард гинших мэт чимээ гарав. Наижлд хүн ёолох шиг санагджээ.
Хадер нүдээ томруулан Наижлыг харснаа
- Тэр энд байна гэж шивнээд эргэж харлаа. Нэмэлт хүч ирээгүй байв. Наижл тэдний орох газрыг хаасан цаасан хайрцган хана руу харлаа. Түүнд бодлогошрон зогсох хугацаа байсангүй, арагш ухарснаа хамаг хүчээрээ ханыг мөргөтөл давхарлаж тавьсан хайрцагнууд ганхав. Наижлын мөр нь хатгуулж өвдсөн ч хайрцагнуудыг цааш нь бүх биеэрээ түлхвэл дээд талын хайрцагнууд нурж дээрээс нь уналаа.
- Гараа өргө! Цагдаа! гэж Хадер хашгирав.
Наижл биеэ татаж аваад дээшээ хартал гартаа хутга барьсан бараан үстэй нэг эр өөрийг нь чиглэн харайлгаж ирлээ. Түүний ард нэг нүцгэн шахуу хүн модон тавцан дээр хэвтэж харагдав. Наижл хайрцгийг замаасаа зайлуулаад үсрэн босож, Хадерыг нөгөө хүнээс халхлан хөндөлдөн зогслоо. Тэр төмөр таслагчаа бэйсболлын цохиур шиг бариад эсрэг этгээдээ хамаг хүчээрээ цохив. Цохилт нөгөө эрийн цээжний голд тусаж тэр арагшаа найган хутгаа алдлаа.
Уур нь шатсан эрэгтэйн нүдэнд гал маналзан биеэ татан дахин цэхэлж зогссоноо Наижл руу дайрахаар ухасxийв. Наижлд багажаа дахин өргөх хугацаа байсангүй тул довтлогчоос биеэ хамгаалахаар зэхлээ. Өвдөлтөөс болсон бололтой нөгөө эр нүүрээ үрчийлгэн, духнаас нь хөлс дусалж, шүдээ зуусан харагдана. Наижл бүх хүчээрээ хамгаалахыг хичээсэн боловч ханыг нураах үед үенээсээ мултарсан мөр нь хүчгүй болон гарнаасаа төмөр таслагчаа алдчихав.
Нөгөө эр төмөр таслагчийг шүүрч аван толгой дээрээ
өргөлөө. Наижл гараа өргөн цохилтоос хамгаалахыг оролдох үед өрөөнд чих дөжрөм чимээ тасxийн дуугарав. Жимсэн өмд, цагаан цамц өмссөн тэр эр хайрцган дунд ойчиход Наижл гараа буулгалаа. Нөгөө эрийн духан дээр цус дуслан урсах нэг жижигхэн нүх харагдана. Түүний нүд нь нээлттэй ч үхсэн гэдэг нь тодорхой байлаа.
Наижл өөрийн эрхгүй газар сөхрөн унав. Тэр урагшаа гөлрөн харсаар байлаа. Буун дуунаас чих нь шуугиж, эргэн тойронд нь дарь үнэртэнэ. Чимээ аниргүй байдал ноёлж хэдэн зуун өнгөрөх юм шиг санагдсан ч гэнэт энэ тамын гэмээр нам гүм байдал эвдэгдэв. Бүрэн зэвсэглэсэн цагдаагийн ажилтнууд орж ирэх үед Наижл зөнгөөрөө гараа өргөн зэвсэггүй болохоо харууллаа. Тэд хянамгай харцаар өрөөг нэгжээд өөр хүн илрүүлсэнгүй. Тэдний нэг Наижл руу дөхөж ирэв.
Наижлын дотор онгойж, өндийж босон цагдаа нар луу ойртон очих гэтэл Хадер тэдний анхааруулахыг ч үл тоон хажуугаар нь ухасxийн өрөөний булан руу очлоо. Наижл Хадерын явсан зүг рүү эргэн хараад төхөөрөмжилсөн модон тавцан дээр хэвтэх Фостерын хувхай цайсан хөдөлгөөнгүй биеийг олж харав. Наижл Хадерын араас очлоо. Фостерын хөл хугарчихсан гэдэг нь илт, эвгүй өнцөгт байрлажээ. Бүх бие нь хөх няц болж түүнд эрүүл гэхээр газар үлдсэнгүй.
- Грант гэж Хадер орилоод түүний дээр тонгойн зогслоо.
- Ээ бурхан минь! Грант!

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:18 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 2:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
Энэ Сараг зугтах үед гарсан гал юм бол яаж яваад гал гарсны дараах зураг нь Сарад очсон юм бол доо...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.03.17 5:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
27


Кенсал Грийн оршуулгын газар зөөлөн шиврээ бороо орж байлаа. Яг л оршуулга болж баймаар өдөр байна гэж Наижл бодсноо эргэн тойрноо хараад бусад маань хаачсан юм бол гэж өөрөөсөө асуув. Ламтан, авс өргөдөг хоёр хүнтэй хамт борооноос хорогдохоор модны доор зогсож харагдана. Ламтан яарсан бололтой цаг руугаа байн байн харснаа оршуулгын ёслолд оролцох бусад хүмүүс хаана байгаа асуух мэт Наижл руу харав. Наижл нүхний дэргэд байгаа өргөгч шатан дээр тавьсан том авс руу харснаа энэ дотор хэр том хүн байгааг харахад л ойлгомжтой байна гэж бодлоо. Нүхний дэргэд ухаж гаргасан шороог хиймэл зүлгээр хучжээ. Тэд уул нь энд хэдийн ирсэн байх ёстой юмсан, Хадер луу утасддаг юм бил үү гэж Наижл бодов.
- Намайг уучлаарай, би арван нэгэн цагт явах ёстой гэж ламтан өршөөл хүсэх мэт бувтналаа.
- Бүх юм сайхан болно гэж Наижл түүнийг тайвшруулан хэлээд оршуулгын газрын дунд хэсэгт очиж гол зам уу харснаа
- Тэндээс хүн ирж явна гэлээ.
Хар хувцас өмссөн Хадер, Дринквотер хоёр ирж явлаа. Тэд модонд халхлагдан хэсэг далд орсноо дахин гарч ирэхэд дэргэд нь бас нэг юм хөдөлж байхыг Наижл олж харав.
Тэр Фостер байлаа.
Дринквотер түрдэг тэргэн дээр суусан Фостерыг урдаа түрж явна. Наижл түүнийг эмнэлэгт хэвтэж байгаа гэж бодож байжээ. Өнгөрсөн долоо хоногт тэр Хадераас Фостерын бие ямар байгааг асуухад, түүний бие сайжирч байгаа, эмч нарын хэлснээр тэр эмнэлэгт нэг хэсэгтээ байх шаардлагатай гэж хэлж байсан. Фостер өнгөрсөн гурван долоо хоногт илт туржээ. Тэр одоо зөвхөн гуурсаар хооллож байгаа болохоор арга ч үгүй биз. Ойрхон ирсэн Фостер гэдсээрээ ярьдаг хүн шиг аман дотроо бувтнахыг Наижл сонслоо. Хугарсан эрүүнээсээ болж түүнд ярихад хэцүү байгаа ажээ. Тэргийг түрж явахдаа донсолгосон Дринквотерт Фостер гомдоллож байлаа.
- Есүс минь, Энди. Хэрэв чи миний машины арын суудалд сууж үзсэн бол намайг ингэж сэгсчих нь зөв байхсан.
Наижл Фостерыг тэр айхтар үйл явдлаас хойш анх удаагаа харж байгаа ажээ. Санасныг бодвол Фостер харин ч дээр харагдаж байсанд тэр гайхав. Бяцарч хугарсан баруун шилбэний хоёр яснаас бусад хугаралд хүндрэл бага байсан тул тэр хурдан эдгэрж байгаа бололтой. Эмч нар шилбэний ясанд метал гол суулгаж хэдэн боолтоор бэхэлжээ.
Мэс засал амжилттай болж, Фостер одоо зуун метрийн дотор алхаж чадаж байгаа ч түүний туулж өнгөрүүлсэн тэр айхтар өвдөлт, шаналал амархан мартагдахгүй нь мэдээж. Одоо санаа зовоож байгаа том асуудал бол түүний сэтгэл санааг тогтворжуулах явдал байв. Фостерыг тамласан Карл Хоггийн үлдээсэн сэтгэлийн шарх эдгэх болов уу?
Булшны нүхэнд ойртон ирсэн Фостер
- Наижл Барнес гэж эрүү нь зуулттай хэвээрээ хэллээ.
Наижл түүнтэй мэндлэхээр гар сунгалаа. Фостер гарыг нь хэдий хүч муутай ч бат чанга атгав.
- Таныг энд ирнэ гэж санасангүй шүү гэж Наижл хэлэв.
- Тийм ээ. Энэ хөөрхий хүний үхэлд манай удмын хүн буруутай байсан болохоор ингэх нь шударга үнэнд
нийцнэ гэж бодсон юм. Фостер амьсгалаа гүн авснаа
- Хийсэн бүхэнд чинь талархаж байна. Хэрэв чи байгаагүй бол би энэ дотор хэвтэж байх байсан гэж хэлээд харцаа авсны зүг хандуулав. Тэгээд эргэж хараад
- Тэгсэн нь дээр ч байсан байж магадгүй юм. Одоо би манай удмынхан Германчууд байсныг мэддэг боллоо гэлээ. Фостер Наижл руу үл мэдэг инээмсэглэж
- Гэхдээ чи надад нэг юм амлах хэрэгтэй. Ард нь юу нуугдсаныг мэдэлгүйгээр овоолж тавьсан хайрцаг руу дахиж битгий үсрээрэй гэж нэмж хэлэв.
Наижл ичсэн бололтой Хадер луу харвал тэр тохуурхсан аятай толгойгоо дохиж харагдана.
Фостерыг эмнэлэг рүү түргэн тусламжын тэрэг авч яван шинжээчийн баг хүрэлцэн ирсний дараа агуулахын хана налан хөшиж орхисон Наижл руу Хадер хүрч иржээ. Өөрт нь ямар байгааг мэдэхээр Хадерыг ирсэн гэж Наижл таамаглаж байв. Хадер түүнд бүтээлэг авчирчээ.
- Тэнэг амьтан гэж Хадер түүнд үнэн голоосоо хэлээд
- Баатар болох гэж дахиж тэнэг алхам хийнэ гэж санасны ч хэрэггүй шүү. Хэрэв тэр буутай байсан бол бид хоёр хэдийн үхчихсэн байх байлаа гэв. Хадер өмнө нь явган сууж нүд рүү нь эгцлэн ширтсэнээ Наижлын мөрөн дээр гараа тавин
- Албан ёсоор би ингэж хэлэх хэрэгтэй. Гэхдээ энэ зөвхөн бидний хооронд үлдэх ёстой. Чи сайн байсан шүү. Карл Хогг Фостерын баруун гарын хурууны өндөгнүүд дээр нөгөө тэмдгээ сийлж үлдээсэн байна. Тэр Фостерыг алахаар хутгаа бариад зогсож байжээ. Хэрэв бид нэмэлт хүч ирэхийг хүлээсэн бол хоцрох байсан. Хадер хэсэг дуугүй сууснаа
- Чи зүгээр үү? гэж асуугаад хацрыг нь илэхэд Наижл түүний гар зөөлөн дулаахан болохыг мэдэрлээ.
- Женкинс! хэмээн дуудсаар орж ирсэн Харрис эргэн тойрноо анхааралтай гүйлгэн харав.
Наижл руу инээмсэглэн сууж байсан Хадер гараа татан авч босохдоо
- Энэ бол шагнал гэж билээ.

- Фэйрбернийхэн ирж явна гэж Хадер хэлээд гараасаа хөтлөлцөн ирж яваа хоёр хүн рүү заав. Тэд гашуудлын хар хувцас өмссөн байв.
Дотоод Хэргийн Яам Эке Фэйрбернийг цагаатган, түүнийг хүндэтгэлтэй оршуулахыг Мэс заслын Рояал Коллеж хүлээн зөвшөөрч цогцсны үлдэгдэл болох араг ясыг тэд нарт хүлээлгэн өгчээ.
- Карл Хоггийг хэзээ оршуулсан юм бол? гэж Наижлыг асуухад
- Нэг долоо хоногийн өмнө түүний цогцсыг чандарласан. Ганцxан авга эгч Лиза нь ирсэн гэж Хадер хариулав.
- Цэвэрхэн ажилласан байх шив гэж Фостер бувтналаа.
Тэднийг олоход Фостер ухаангүй байжээ. Хэрэв нэг мөч хоцорсон бол тэр шархаа даалгүй үхэх байсан. Фостер тамлаж байсан үеийг хэр санаж байгааг Наижл Хадераас асуужээ. Энэ талаар хэн ч мэдэж чадаагүй. Фостер сэтгэл зүйч нарын тусламж авахаас эрс татгалзжээ.
Шинжээчийн баг агуулахад байсан бүх хайрцаг сав, шүүгээнүүдийг шалгажээ. Карл Хоггийн Наижл руу далайж байсан хутгаар бусад хохирогчдыг хутгалж алсан нь тогтоогдсон байна. Тэр Фостерын зүрхэнд хутгалахаар зэхэж байжээ. Карлын байранд байсан хөргөгчнөөс тэд Лондон хотын шөнийн клубын нэг сарын хэрэгцээг хангахуйц их хэмжээний ГХБ хийсэн хайрцаг олжээ. Бас агуулахын бичлэгийг шалгаж үзвэл Хогг энд хайрцагнуудыг хүргэлтийн машинаараа шөнийн цагаар авчирч буулгаж байсан байна. Заримдаа манаач нар, ачаа өргөгч, тэргэнцрийн жолооч нар ямар ч сэжиг авалгүй түүнд хүнд ачаа өргөхөд нь тусалдаг байжээ. Ажилчид энд ирж очиж байдаг хүмүүст дасаж, тэдэнд онцгой анхаарал тавьдаггүй байсан бололтой.
Хайрцган хананы цаана нэг булангаас тэд эмэнд мансуурсан Дэйв Даквортыг олжээ. Түүнийг эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсний дараа хүн амины хэрэгт хамтарч ажилласан гэж буруутган баривчилсан байна.
- Тэр буруутай гэдгээ хүлээх юм бол таван жилийн хорих ялаар шийтгэгдэх болно. Хэрэв тэр шоронд биеэ зөв авч авбал гурван жилийн дараа суллагдана гэж Хадер хэлжээ. Наижл Дэйвийг шоронгийн бусад хоригдлууд яаж хүлээж авах бол, шоронгийн дэглэмийг тэр давж гарч чадах болов уу гэж бодох үед жихүүдэс нь хүрэв. Түүнд амаргүй байна байх даа гэж Наижл бодлоо.
Жон Фэйрберн оршуулганд эхнэртэйгээ хамт иржээ. Тэр хоёр тэдэнтэй үг дуугүй толгой дохилцоод ламтантай хэдэн үг солилцлоо. Хэдэн минутын дараа ламтан урагшаа алхан номлол айлдаж эхлэв.
- Ертөнцийн эзэн би бол итгэл найдвар, амьдрал гэж хэлсэн...
Авсыг нүхэнд буулгаж хийсний дараа Фэйрбернийхэн богинохон салах ёс үйлдлээ. Эке Фэйрберний амьдрал богинохон байсан. Амьдрал түүнд дэндүү хатуу ширүүн хандсан билээ. Түүний үхэл хүмүүсийн хувьд тоглоом наадам шиг байсан. Харин одоо тэр үүрд амар тайван нойрслоо. Өнгөрсөн үе дахин сөхөгдөхөөргүй үүрд хаагджээ.
Дринквотер Фостерыг тэргэнцэртэй нь түрж, булшнаас холдуулан авч явлаа. Наижл Хадер луу ойртон очих зуур зүрх нь хүчтэй цохилж эхлэхийг мэдрэв.
- Чи өнөөдөр ажилтай юу?
- Үүнийг мэдэх хэрэг чамд байгаа юм уу, Наижл?
- Сүүлийн үед би их зүүдэлдэг болсон. Энэ тийм ч
сайхан зүүд биш. Би энэ талаар хэн нэгэнтэй ярилцах гэсэн юм.
- Би чамд утасны дугаар өгч болно шүү гэж Хадер хэлэв.
Наижл уул нь ингэж хэлэхийг хүсээгүй билээ.
- Өөр хэлэх юм байна уу?
Наижл амьсгалаа гүн авав.
- Чамайг надтай хамт юм уух болов уу гэдгийг би мэдэх гэсэн юм. Одоо бүх юм ард хоцорлоо.
Хадер цагаа харснаа
- Үнэнийг хэлэхэд би ч гэсэн тэгмээр байна. Би эхлээд Эндид хэлэх хэрэгтэй. Тэр Фостерыг ганцаараа Айронсайд руу хүргэж өгөх болох нь ээ.
Хадер хамтрагч руугаа явлаа. Фэйрбернийхэн ламтантай хамт оршуулгын газраас гарч яваа нь харагдана. Наижл Эке Фэйрберний булш руу сүүлчийн удаа эргэж харлаа. Шиврээ бороо хэдийн зогсож үүлэн чөлөөгөөр нарны туяа тусжээ.
Холхон хэдэн хэрээнүүд гуаглалдан хоорондоо хөөцөлдөж тоглоно.





ТӨГСӨВ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:19 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 5:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Attachment:
Picture2.png
Picture2.png [ 159.56 KiB | Viewed 623 times ]
Дан Ваддел

Цусан өшөө

Нидерланд хэлнээс орчуулсан: Д. Наран

2017 он


Орны дэргэд асаасан лаа бараг унтрах дөхжээ. Анивалзан сүүмэлзэх лааны гэрэлд ханан дээр туссан сүүдэр бүжиглэн наадах мэт эрвэлзэн хөдөлнө. Сара бөөрөнд нь наалдан хэвтэх охин дүүгийнхээ амьсгалах бүрт хөдлөх цээжийг мэдрэн чимээгүй хэвтэж байлаа. Нойр нь хүрэхгүй орондоо эргэж хөрвөөж байхад Хенриетта, Эмма хоёр толгойгоо дэрэн дээр тавингуут шууд унтдагт нь тэр ихэвчлэн уурлаж солиорох шахдаг ажээ.
Харин өнөө орой Сара унтахыг огт хүссэнгүй. Тэр хажуугийн өрөөнд ярилцаж байгаа эцэг эх хоёрынхоо ярианаас нэг ч үг орхигдуулалгүй сонсохыг хичээн хөнжил дотроо таг чимээгүй хэвтэж байв. Тэд түүний тухай, тухайлбал түүний ирээдүйн талаар ярилцаж байгаа ажээ. Эх нь цурхиран уйлж, хааяа хэдэн үг хэлнэ. Харин эцэг нь өөртөө итгэлтэй, тайван байгаа бололтой.
- Би чамайг эсэргүүцье гэж бодоогүй. Гэхдээ тэр хүн чинь хэдийн жаран долоо хүрч байгаа. Тэр охинд минь тохирохгүй гэж эх нь хэллээ. Эцгийнхээ хэлсэн үгийг тэр сонсож чадсангүй. Сара хөнжлөөсөө сугаран орноосоо босож, хаалга руу гэтлээ. Хамаг бие нь чичирч, хамар амнаас нь уур гарна. Есдүгээр сарын хүйтэн шөнө байсан ч тэр дотуур хувцсан дээрээ унтлагын хувцсаа давхарлаж өмссөн болохоор хүйтэн санагдсангүй. Сара хаалгаа аяархан онгойлгож харанхуй хонгилд орвол тэдний яриа сайн сонсогдож байлаа.
- Сара одоо дөнгөж арван дөрөвтэй.
- Чиний эцэг шүү юм чинь чамайг надад өгөх үед чи арван тавтай байсан, Анналеа.
Эцэг нь бухимдаж эхлэхийг хоолойных нь өнгөнөөс Сара анзаарлаа. Томоогүй зан гаргах үед нь эцэг нь дуугаа ингэж өндөрсгөдгийг тэр мэддэг ажээ. Эх нь мэгшин уйлна.
- Бурхан минь намайг өршөөж үз, гэхдээ энэ чинь ...
- Одоо хангалттай! Өрөөнд чимээ аниргүй боллоо.
Өршөөлт Эцэг минь, арай ч үгүй байлгүй дээ. Энэ Хэскер биш, тийм биз дээ? Сара түүний унжсан том гэдэс, аяганаасаа бүлтрэх шахсан нүд, үсэнд хучигдсан нүүр, байнга долоoж байдаг нойтон уруулыг харах мэт болж, дотор нь муухайрч огиудас хүрэв.
- Гэрээгээ баталчихсан. Дахиж өөр юм сонсмооргүй байна.
- Гэхдээ Оорсон...
- Анналеа! Эцэг нь шийдчихжээ.
Эх нь эсэргүүцээд нэмэргүй гэдгийг мэдсэн Сарагийн нулимс гарч хацрыг нь даган урсав. Эцэг нь хэвтэр лүүгээ явахаар гарч ирэхээс өмнө тэр өрөөндөө хурдхан амжиж орлоо. Тэр эхтэй нь цуг унтахаа болиод удаж байгаа ажээ.
Сара шорвог нулимсанд дэвтсэн нүүрээ даран орны дэргэд сөхрөн уналаа. Одоо түүнд ганцxан Ертөнцийн Эзэн л тусалж магадгүй юм.
Бидний эцэг болсон Дээд тэнгэрийн Эзэн минь. Миний төлөө болон гэр бүлд минь өгсөн нигүүлсэлд тань би талархаж байна. Өдөр тутмын талх тариа, үр жимс, мал сүргийн төлөө таньдаа би талархаж байна. Мөн өнгөрсөн зун амьд үлдэх найдвараа алдсан байсан бяцxан Жосефийг тахлаас аварсанд тань талархаж байна. Харин одоо би өөрийнхөө төлөө Таны нигүүлслийг гуйж байна. Миний Хэскер Петтибонтой гэрлэх нь таны хүсэл юм бол дахин сайн тунгаан бодож үзээч гэж залбирч байна. Миний ичгүүргүй бүдүүлэг загнаж байгааг Та минь өршөөн хэлтрүүл. Тэр бохир заваан, хөгшин, бүдүүн гахайтай би гэрлэмээргүй байгаа тул Таньдаа үнэнч даруухнаар хичээнгүйлэн мөргөж байна. Миний хэлсэн уучилшгүй үгнүүдийг өршөөн соёрхооч. Тэнгэрийн Эцэг минь миний энэ залбирлыг сонсохыг хүсэхгүй байвал би шийтгүүлэхдээ бэлэн байна. Амен.
Сара орондоо дахин орж мөс шиг хүйтэн хөлөө дулаацуулахаар хэвтэж байхдаа хананы цаана эхийнхээ мэгшин уйлахыг сонсжээ. Хачирхалтай хэдий ч тэр хүч чадалтай болсон мэт санагдав.
Амьдралаа бусдын дор номхон хүлцэнгүй, чимээ аниргүй өнгөрөөхийн оронд тамын галд шатсан минь дээр гэж тэр бодлоо.



_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:26 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 5:07 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
1


Ахлах мөрдөгч Грант Фостер алагдсан эмэгтэйн цогцос руу тонгойж харснаа шүүрс алдлаа. Дөнгөж үүр цайж байсан учраас цэцэрлэгт гэрэл гэгээ муутай байлаа. Фостерыг эмнэлгийн орон дээр хэвтэн эмчлүүлж байх хооронд хүн төрөлхтөнд ахиц дэвшил гараагүй бололтой. Tэр өндийж босохдоо металлаар эвлүүлж тогтоосон баруун шилбээ хөндчихөв. Хүйтэн салхи хүзүү рүү үлээхэд чичрүүдэс нь хүрлээ. Утсаар нэг эмэгтэй гэртээ алагджээ гэж мэдэгдэх үед эмэгтэйг гадаа зүлгэн дээр бус байшин дотор байгаа гэж бодсон тэрбээр гадуур хувцсаа авалгүй иржээ.
Эмэгтэйн хоолойг хөндлөн огтолж, шархнаас гоожсон цус эргэн тойронд нь тунаран тогтжээ. Фостер хувийн нууцаа хамгаалах зориулалттай цэцэрлэгийн гурван талыг өндөр хашаа барьж тусгаарласныг олж харлаа. Цэцэрлэгийн тэр хэсэгхэн газрыг хөрш зэргэлдээ байшингийн зөвхөн дээд давхраас харж болохоор ажээ. Гэвч тэнд амьдардаг залуухан хос орой харанхуй болсон хойно харьж ирсэн учир цогцсыг олж харсангүй. Фостерт алуурчин зориуд ийм эрсдэлтэй алхам хийсэн юм шиг санагдав.
Фостер байшин руу орлоо. Зочдын өрөө цэвэрхэн эмх цэгцтэй, ноцолдож тэмцэлдсэн гэхээр ул мөр харагдсангүй. Арван нэгдүгээр сарын эхэн гарч, Фостер албандаа эргэж орсноос хойш нэг долоо хоног өнгөрчээ. Мягмар гаригийн шөнө, цогцос олдсоны дараахан дөрвөн цагийн үед ажлын газраас нь Фостер луу утасдав. Ажлынхаа хувцсыг өмсөхөд бүсэлхий, өмднийх нь хооронд хоёр хуруу хэрийн зайтай болсныг анзаарч суран тэлээний гархийг сүүлчийн нүхэнд тулган татлаа. Үхтлээ тамлуулж, золоор үхлээс мултарснаас нь хойш хагас жил илүү хугацаа өнгөрчээ. Тэр үед зөвхөн ажилдаа дахиж орно гэсэн бодол Фостерыг хөл дээр нь босгосон билээ. Шөнө бүр Карл Хоггийн халуун амьсгааг нүүрэн дээрээ мэдэрч хар дарж зүүдлэн, мунаар бяцалж хугалсан шилбэ нь тэсвэрлэхийн аргагүй өвдөж байх үед түүнд дахиж хөл дээрээ босно гэдэг боломжгүй мэт санагдаж байжээ.
Одоо харин тэр албандаа эргэн орж, анхныхаа хэргийг хүлээж авлаа. Өөрт нь ямар нэг дээрмийн аллага, эсвэл Шевертс Буш, Кенсал Райсийн гудамжинд хутгалуулсан дүрсгүй жаалын хэрэг оногдоно биз гэж Фостер бодож байжээ. Гэтэл харин одоо Кенсал Грийн, Килбурнийн хооронд байдаг Куинс Паркын чинээлэг хөрөнгөтэй хүмүүс амьдардаг нам гүм гудамжинд викториагийн үеийн тансаг тавилгатай байшингийн цэцэрлэгт алагдсан эмэгтэй дээр иржээ. Өрөөнд мөрдөгч эмэгтэй Хадер Женкинс цагдаагийн зурагчин дагуулсаар орж ирлээ. Сандарч тэвдсэн зурагчин цэцэрлэг рүү хуруугаараа заан
- Би тийшээ очиж болох уу? гэж асуув.
- Арилж үз гэж Фостер хэлээд Хадер луу харлаа. Хадер царай алдаж, цонхийж ядарсан шинжтэй харагдсанд энэ ч сайны тэмдэг биш дээ гэж Фостер бодов.
- Хохирогчийн нэрийг Кэти Дрэйк гэдэг, гучин долоотой, жүжигчин. Эмэгтэйг эндээс хоёр байшингийн цаана байдаг хөршийнхөн нь олсон. Тэдэнд энэ байрны түлхүүр байдаг юм байна. Кэти охинтойгоо хамт мөсөн гулгуурын талбай дээр ирж, охиныхоо 14 насны төрсөн өдрийн баярыг тэмдэглэх байсан боловч ирээгүй гэж найз хүүхэн нь тэдэнд мэдэгджээ гэж Хадер хэлэв.
Фостерт таагүй мэдрэмж төрж бие нь тавгүй болов.
- Охин нь хаана байгаа юм бэ?
- Бидэнд одоогоор мэдсэн юм алга. Тэр ор сураггүй алга болжээ.
Метрополитан цагдаагийн газрын Хүн амины хэрэг хариуцсан Хэлтэс Баруун Лондонгийн ойр орчмыг нүх сүв үлдээлгүй самнаж, сэжиг бүхий гаж донтон, насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид, үл бүтэх этгээдүүдийг эрэн сурвалжлах ажилд хэдэн зуун цагдаагийн ажилтaн, эрэлч ноход, нисдэг тэрэг дайчилж оролцуулахаар бүх бэлтгэлээ ханган өглөө болохыг хүлээж байлаа.
Урьдчилсан үзлэгээс харвал Кэти өчигдөр хоёр цагийн орчим нас барсан байжээ. Кэтигийн охин Наомиг хамгийн сүүлд өчигдөр сургуулиас гарч явах үед нь гурваас арван таван минут өнгөрч байхад харжээ. Сургуулийн цүнх нь доор байгаагаас харахад охин гэртээ иржээ. Гэвч дараа нь энд юу болсон юм бол? Энд ямар нэгэн муу юм болсон гэдэг нь ойлгомжтой. Хүүхэд алга болсон тохиолдолд түүнийг зургаан цагийн дотор олох хэрэгтэй, тэрнээс удвал зөвхөн цогцос л олно гэсэн үг. Ийм төрлийн гэмт хэрэгт энэ бол олонтой тохиолддог. Эсвэл ...
Тэд одоогоор охиныг гэмт хэрэгтэн биш гэж нотолж чадахгүй. Тодорхой хэлбэл охин эхийгээ алаад дараа нь зугтаасан. Зочны өрөөнд Фостер охины сургуулийн зургийг бариад тэнд нуугдсан энэ хэргийн нууцыг хайж олох гэсэн мэт хэсэг харж зогсов. Дараа нь тэр гэрэл зургийг ханан зуухны тавиур дээр буцааж тавилаа. Охины царайг тэр сайн тогтоож авчээ. Урт шаргал шулуун үс, цайвар цэнхэр нүдтэй үл ялиг инээмсэглэсэн өсвөр насны охин. Фостер охиныг олох үед ямар харагдах бол гэж бодсноо эмээх сэтгэл төрөв.
Фостер өрөөг дахин сайн ажиглалаа. Өрөө эмх цэгцтэй, тоосгүй, явган ширээн дээр эмхэлж хураасан ном сэтгүүл, буйдангийн буланд босгож тавьсан дэрнүүд үнгэгдээгүй ажээ. Кэти Дрэик эмх замбараагүй байхыг тэвчдэггүй байсан бололтой. Фостер зочны өрөөний хойд талд байрлах гал зуухны хэсэг рүү очлоо. Өрөөний дунд урьд нь хоолны өрөөг тусгаарласан хана байсан бололтой хуучин ором харагдана. Энд бүх юм цэвэрхэн байлаа. Хоёр шилэн аягыг угааж хатаагчин дээр тавьсан, ус буцалгагчийг залгуураас салгасан, кофены чанагч цэв цэвэрхэн байв. Фостер хогийн савны дөрөөн дээр гишгэж онгойлоо. Сонирхол татахаар юм харагдсангүй. Хөргөгчийг хүнсний зүйлсээр дүүргэжээ. Хоол, зууш зэргийг харахад Кэти охинтойгоо эрүүл хооллохыг эрхэмлэдэг байсан бололтой.
Фостер шинжээчийн багийнхнаас хүн дуудаж хоёр шилэн аягыг шинжилж судлах даалгавар өглөө. Дараа нь бүх цонх хаалгыг шалгаж үзвэл эвдэж орсон гэхээр ул мөр байсангүй. Алуурчинг дотогшоо оруулсан бололтой. Охин нь байсан юм болов уу? Фостер дахиад тавиур дээр байгаа охины зураг руу харлаа. Тэр эхийнхээ хоолойг хэрчлээ гэж үү? Охиныг ингэсэн гэдэгт Фостер итгэхгүй байлаа. Тэр алдсан байж болох л юм.
Фостер цэцэрлэгт буцаж очлоо. Кэти Дрэйкийн цогцсон дээр майхан босгожээ. Эмгэг судлаач, шинжээч эмч Эдвард Карлайл бүх анхаарлаа ажилдаа төвлөрүүлжээ. Түүнийг ажлаа хийж дуустал цогцсыг зөөвөрлөхгүй. Албаны царайтай байсан Карлайл Фостерын орж ирэхийг хараад инээмсэглэв.
- Грант, чамайг дахин харсандаа баяртай байна гэж тэр ханиад хүрсэн бололтой сөөнгөдүү хоолойгоор хэлээд
- Бие чинь сайн уу? гэж асуулаа.
- Маш сайн гэж Фостер энэ сэдвээр ярихыг хүсээгүй тул товчхон хариулаад
- Ямар нэгэн юм олов уу? гэж асуув.
Карлайл Фостер луу харснаа
- Миний бодлоор хохирогчийн хоолойг энд хэрчсэн бололтой. Гэхдээ задлан шинжилгээ хийсний дараа бүгд тодорхой болно.
Майханд орж ирсэн Хадерыг Фостер хараад сонсгох шинэ мэдээ байгааг шууд ойлгов.
- Юу олж мэдэв?
- Бид Наомигийн эцгийг олсон. Стэфен Бэкингэм гэж Хадер хэллээ.
- Бид ийшээ одоохон явах хэрэгтэй.

Эшер дэх байрны зочны өрөөнд хөх буйдан сандал дээр суугаа Стэфен Бэкингэм хэзээ хэзээгүй унаад өгөх нь үү гэмээр нүд нь дүрлийчихсэн сууж байв. Фостер Бэкингэмийн өөдөөс харан эхнэрийнх нь өгсөн цайг бариад суужээ. Даруухан хувцасласан, ичимхий байрын тэр эмэгтэй нөхөр лүүгээ санаа нь зовсон бололтой үе үе харна. Цаг ес өнгөрч байсан тул хоёр хүүхэд нь аль хэдийн сургуульдаа явжээ.
Хуучин эхнэр нь алагдаж, охин нь алга болсныг Фостер дөнгөж сая Бэкингэмд хэлжээ. Дараа нь түүнийг хэзээ тэр хоёртой ярилцсаныг асуулаа.
- Би Лийдст ажилтай байсан гэж Бэкингэм хэлээд салгалсаар байгаа гар луугаа харав.
- Өчигдөр Наомигийн төрсөн өдөр байсан учраас би гар утас руу нь өдрийн цайны цагаараа ярьсан. Тэр найз охидуудтайгаа гадуур хооллох гэж байсан учраас бид удаан ярилцаагүй. Утасны цаана замын хөдөлгөөний дуу чимээ сонсогдож байсан болохоор би түүний яриаг сайн сонсохгүй байсан.
Фостер толгой дохилоо. Тэр Бэкингэмийн юуны тухай ярьж байгааг ойлгожээ. Хотын гудамжны дуу чимээ.
- Охин маань ээж, найз охидтойгоо хамт тэшүүрээр гулгана, дараа нь оройн хоол хамт идэцгээнэ гэж хэлэхдээ их баярлаж байсан. Би түүнтэй ирэx хагас сайнд уулзахаар тохирсон. Бэкингэм яриагаа цааш нь үргэлжлүүлж чадсангүй таг болчихов. Фостер дуугүй сууж байлаа.
- Бид хотын төв рүүявж хамтдаа дэлгүүрээр хэсэн, миний зөвшөөрлөөр охин маань өөртөө юм сонгож авах гэж байсан юм. Эх нь биднийг дэмждэггүй, намайг охиноо хэт эрхлүүлээд байна гэдэг байсан. Кэти ер нь намайг Наомид хэрэгтэй юм хийдэггүй гэж үздэг байсан.
Лийдсээс хэзээ буцаж ирснийг нь түүнээс Фостер асуулаа.
- Би онгоцоор буцаж ирсэн. Онгоц Хитроү дээр оройн арван цаг болохоос арай өмнө газардсан. Би их ядарсан байсан учраас шууд таксинд суусан. Гэртээ арван нэг жаахан өнгөрч байхад ирсэн, тийм биз дээ, Шейла? Шейла уруулаа шилэмдсэнээ толгой дохиод
- Тийм ээ, тэр хавьцаа гэж баталлаа.
Хаалганы дэргэд зогсож байсан Хадер
- Өршөөгөөрэй, би утсаар ярих хэрэгтэй байна гэж хэлээд өрөөнөөс гарав.
- Та Кэтигээс хэзээ салсан юм бэ? гэж Фостер асуулаа.
- Арван нэгэн жилийн өмнө. Наоми тэгэхэд гурван нас л хүрч байсан юм. Бид хоёр хоорондоо таарахаа байсан. Дараа нь нэг хэсэг их хэцүү байсан. Хэдийгээр Кэти дургүй байсан ч түүний хувьд Наоми маш чухал байсан болохоор би охинтойгоо уулздаг байлаа. Нэг мэдэхэд бид нэг тогтсон харилцаатай болчихсон. Би ихэвчлэн ажлаар хол, удаан явдаг байсан ч чөлөөт цагаа охинтойгоо өнгөрүүлдэг байсан. Энэ хооронд би дахин гэрлэж хоёр хүүхэдтэй болсон ч Наоми бид хоёрын харьцаа өөрчлөгдөөгүй.
- Кэти дахиж гэрлэсэн үү? Бэкингэм толгой сэгсэрлээ.
- Үгүй ээ. Түүнд хэд хэдэн удаа найз залуу байсныг Наомигоос сонсож байсан. Кэти надад энэ талаар ярьж байгаагүй. Үнэндээ би энэ тухай сонирхдоггүй байсан. Миний мэдснээр тэр сүүлийн үед ганцаараа байсан. Кэтид их хэцүү байгаа гэж Наоми надад хэлж байсан юм.
- Яагаад?
- Би сайн хэлж мэдэхгүй байна. Кэти урьд нь жүжигчин байсан. Анх танилцах үед тэр их үзэсгэлэнтэй сайхан хүүхэн байсан. Түүнд ТВ-үзүүлбэр, хамтарсан тоглолт гээд ажлын санал их ирдэг байсан, тэр ялангуяа театрын ажилдаа их дуртай байсан. Гэвч жил өнгөрөх тусам ажил нь багассан. Миний бодлоор түүнд их хэцүү байсан. Наоми надад нэг удаа эхийгээ их уудаг болсон гэж хальт цухуйлгасан. Тэр үед би их цочирдсон. Түүнтэй хамт байхад тэр дусал ч амсдаггүй байсан юм. Хааяа ганц нэг удаа өвс татдаг байсан.
- Наомид найз залуу байсан уу? Бэкингэмийн царайнд инээмсэглэл тодорлоо.
- Охины зургийг та харсан гэсэн. Та өөрөө юу гэж бодож байна даа? Миний сонссоноор тэр сургууль дээрээ хөвгүүдэд алганы амт үзүүлэх хэрэг гардаг гэсэн.
Тэр инээмсэглэхээ больж чанх урагшаа гөлрөв.
- Түүнд онцгойлж хардаг хэн нэгэн байсан юм биш биз?
Бэкингэм Фостер рүү ухаан орсон мэт хараад
- Өршөөгөөрэй, хэсэгтээ ухаан санаа минь өөр газар байсан бололтой гэж бувтналаа.
- Наомид онцгойлж хардаг хэн нэгэн байсан уу? Жишээлбэл түүний араас гүйдэг ч юм уу.
- Үгүй, тэр өөрт нь таалагддаг нэг хөвгүүний тухай ярьж байсан. Тэр хүү өөрөөс нь нилээд ах, нэг хамтлагт тоглодог гэсэн. Би нэрийг нь санахгүй байна. Түүнийг арван долоотой гэхэд чамд дэндүү ахдана гэж би охиндоо хэлсэн. Охин маань тэр хүү намайг эргүүлээд байна гэж хэлж байсан.
Бэкингэм дахиад чимээгүй болж гараа базлан сууна. Фостерт нөхцөл байдал түүний хэлж ярьснаас арай өөр, тэр шал өөр ааш араншин гаргадаг байсан юм шиг санагдаад байв. Тэр арван дөрөвтэй охины амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй. Гэсэн хэдий ч одоо энэ эр өнгөрсөн бүхэнд хичнээн их харамсан гашуудаж байгааг хараад, энэ бүхэн үнэхээр ийм байсан юм болов уу гэж Фостер өөрөөсөө асууж байлаа.
- Охинд минь юу тохиолдсон гэж та бодож байна, мөрдөгч өө? гэж Бэкингэм асуулаа. Фостер мөрөө хавчснаа
- Бид удахгүй олж мэднэ. Наомийг олохын тулд бид бүх хүчээ дайчилна гэдгийг танд батлан хэлж чадна гэж хэллээ. Тэгээд дахин асуулт тавихын өмнө хэсэг азнав.
- Ноён Бэкингэм, та их мөнгөтэй юу? Бэкингэм нүдээ анивчуулан гайхсан мэт харснаа Фостерийн юу асууж байгааг гэнэт ойлголоо.
- Би дундаж орлоготойд орохгүй ч, бас тийм ч их хөрөнгө чинээтэй биш. Миний гаргадаг гурван сэтгүүл бодож байснаар минь сайн борлогдохгүй байна. Надаас барьцааны мөнгө нэхнэ гэж та бодож байна уу?
Бэкингэмд найдлага төрөхийг Фостер нүднээс нь олж харлаа. Хэрвээ ийм юм болвол Наоми амьд гарч магадгүй юм. Бэкингэм эд хөрөнгөнийхөө хэмжээн дээр болгоомжлоод байгааг тэр анзаарчээ. Фостер түүний байшин хамгийн багадаа нэг саяын үнэтэй гэж таамаглаж байв. Байрны урд зогсоол дээр нэг хар Мерседес кабрио харагдсан. Бэкингэм бас охиндоо мөнгө зарцуулах дуртай гэж хэлсэн. Эцгийнх нь санхүүгийн боломж энэ хэргийн шалтгаан болсон байхыг одоогоор үгүйсгэх аргагүй юм.
- Та утсаа чөлөөтэй байлгаxыг хичээгээрэй гэж Фостер хэллээ.
- Хэрвээ бид Наомиг олохгүй бол та олон нийтэд хандаж туслалцаа хүсэх хэрэгтэй болно.
- Би чадах бүхнээ хийнэ. Хадер буцаж ирээд Бэкингэмээс өршөөл эрсэн шинжтэй инээмсэглэснээ Фостер луу хальт харц чулуудаад толгой дохилоо. Тэр Бэкингэмийн хэлсэн үнэн эсэхийг тогтоохоор утсаар ярьжээ. Бэкингэм үнэхээр тэр онгоцонд суужээ.
- Ингэхэд та ер нь Кэтигийн өдөр тутмын амьдралыг сонирхож байсан уу? Бэкингэм толгой сэгсэрлээ.
- Үгүй. Миний мэдэж байгаагаар тэр ихэвчлэн өдрийн турш гэртээ байдаг байсан. Наомигийн тухай ярихаас өөрөөр бид маш цөөхөн уулзаж ярилцдаг байсан.
- Түүнд найз хүүхнүүд байсан уу?
- Байлгүй яахав. Хамгийн сайн найз нь Салли Дарлингхартс, тэр бас жүжигчин. Биднийг анх танилцахын өмнөхөн тэд нэг жүжигчдийн цуглаан дээр танилцсан гэсэн. Тэд хэлхээтэй юм шиг салдаггүй байсан. Миний бодлоор тэд байнга холбоотой байсан. Гэхдээ та миний хэлснийг яг тийм гэж ойлгож бас болохгүй шүү.
Фостeр найзынх нь нэрийг бичиж авлаа.
-Ноён Бэкингэм, надад бас нэг асуулт байна. Кэти, Наоми хоёрын харьцаа ямар байсан бэ? Бэкингэм хэсэгхэн зуур бодолхийлэв.
- Миний бодлоор тэд хоорондоо хэтэрхий сайн байсан. Бүр дэндүүлдэг байсан ч байж магадгүй.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Кэти охиныг бүр өмчилчихдөг байсан юм. Хэрвээ Наоми насанд хүрч бие даан амьдарч, өөр найзуудтай болвол эх нь өөрийгөө хаягдсан юм шиг мэдрэх байсан гэж надад санагддаг. Наоми Кэтигийн амьдралын утга учир нь байсан. Хэрэв энэ хүйн холбоо тасарвал Кэтид маш хэцүү байх болно гэж би их санаа зовдог байлаа. Нэг удаа Наоми надад ээж нь түүний хэрэгт хэтэрхий оролцох юм гэж хэлж байсан.
- Тэд хоорондоо маргалддаг байсан уу?
- Тийм ээ. Ээж нар охидтойгоо маргалдахыг алийг тэр гэх вэ. Та өөрөө мэдэх байлгүй. Бэкингэмийн царай гэнэт хувьсxийн
- Та арай... Фостeр мөрөө хавчив.
- Бид одоогоор юу ч баталж, бас үгүйсгэж чадахгүй. Та хуучин эхнэрээ сайхан эмэгтэй байсан гэж хэлсэн. Тэр тэгэхээр олны анхаарлын төвд байдаг байжээ. Түүнд төвөг учруулдаг шүтэн бишрэгчид байсан уу?
- Энэ чинь юу гэсэн үг вэ? Айлган сүрдүүлэгч байсан уу гэж үү?
- Тийм ээ, айлган сүрдүүлэгч. Бэкингем толгойгоо эргэлзэнгүй сэгсэрлээ.
- Мэдэх юм алга. Биднийг хамт байхад түүнийг зурагтаар ч юм уу эсвэл тоглолтон дээр харсан залуучуудаас захиа ирдэг байсан. Нэг удаа түүнийг телевизийн жүжигт нүцгэн тоглосны дараа маш их ил захидал, захиа хүлээж авсан. Зарим нь дэндүү бүдүүлэг үгтэй, зарим нь элдэв янзын зурагтай байсан. Надад энэ бүхэн таалагддаггүй байсан ч, тэр намайг санаа зовох хэрэггүй гэдэг байсан. Тэр үед би өөрийгөө өчүүхэн амьтан мэт төсөөлдөг байлаа. Гэхдээ Кэтиг сүрдүүлдэг эсвэл зовоодог хүн байгаагүй.
Фостер толгой дохилоо.
- Кэтигийн төрөл төрөгсдөөс таних уу? Бид олон нийтийн хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийхээс өмнө тэднийг олж хохирогчийн нас барсныг мэдэгдэх хэрэгтэй. Хэнтэй уулзаж болохыг бидэнд хэлж өгөөч. Бэкингэм эрүүгээ илж сууснаа
- Энэ боломжгүй гэв.
- Яагаад?
- Кэти надтай таван жил амьдрахдаа төрөл төрөгсдийнхөө талаар хэзээ ч ярьж байгаагүй.
- Хэзээ үгүй гэнэ ээ?
- Хэзээ ч ярьж байгаагүй. Би олон удаа асуусан. Гэвч тэр энэ талаар ярихаас дандаа зайлсхийдэг байсан. Кэти төрөл садангүй юм шиг байна лээ. Сургуулиа төгссөний дараа Лондонд ирж жүжгийн сургуульд орсон гэж тэр хэлсэн. Сурж байх үедээ хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд Кэти амралтын өдрөөр зөөгчөөр ажилладаг байхад нь бид танилцсан. Миний мэдэж байгаа юм гэвэл энэ л байна.
Фостерын итгэж чадахгүй гайхсан царайг ажигласан Бэкингэм ойлгож байгаагаа илэрхийлэх мэт хамраа шуухитнуулав.
- Тэнэг сонсогдож байгаа биз, тийм ээ? Би энэ сэдвийг дахиж сөхөөгүй. Харин би Дрэйк бол түүний жүжигчний нэр гэдгийг мэднэ. Түүний жинхэнэ овгийг Пратт гэдэг юм.
- Гэхдээ Наоми ганц удаа ч гэсэн эмээ өвөө нь ямар хүмүүс байсныг асуусан байлгүй дээ.
- Тэр асууж үзсэн. Гэвч Наоми энэ сэдвийг хөндөнгүүт эх нь
ярианыхаа сэдвийг өөрчилчихдөг байсан гэсэн. Наоми нэг удаа надад төрөл төрөгсдөө эрж олмоор байна, гэхдээ ээждээ мэдэгдэхийг хүсэхгүй байна гэж хэлж байсан.
Фостер Женкинс рүү хараад өөртэй нь адилхан мэл гайхчихсан зогсож байгааг анзаарлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:29 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.03.17 5:10 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
2


Камерын өмнө дуугүй зогсож байсан Наижл Барнес ардаа нууж барьсан гавлын ясаа гаргаж ирэхдээ дэндүү огцом хөдөлснөөс эгээтэй л унагаачихсангүй. Тэрбээр гавлын яс руу харан дотроо гурав хүртэл тоолж биеэ дахиж эзэмдээд урагшаа харлаа.
- Тэр хэтэрхий удаан дуугүй байсан гэж Наижл хэлээд дахиад дотроо тооллоо. Нэг хоёр гурав.
- Харин одоо түүний юу хэлэхийг сонсох цаг болжээ. Зураглаач камeраа мөрнөөсөө буулгаад
- Болно гэж хэлснээ бухимдаж эхэлсэн нь харваас илт
- Сүүлчийн өгүүлбэрийг хэлэхээс өмнө чи дотроо гурав хүртэл тоолсон. Энэ чинь ажиглагдаад байна.
- Би гавлын ясаа бараг унагаах шахсан.
- Тийм ээ, би харсан. Чи бас камер луу харахын оронд зам дээр байгаа тэр тэмдэг рүү хараад байна. Наижл заасан газар луу нь харлаа. Туслах зураглаач оршуулгын газрын явган хүний зам дээр, метр хагасын зайтай газар нэг X тэмдэг тавьжээ. Наижл камерын дуран руу харах ёстой байтал дахиад алдаа гаргачихлаа. Тэр санаа алдав.
- Тэрнээс гадна биеэ бариад байгаа чинь илт харагдаад байна.
Тэр ч харин үнэн байх шүү гэж Наижл бодлоо. Бурханы нэрийг барьж андгайлахад хэн камерын өмнө нэг хуванцар гавлын яс барьчихаад өөрөөрөө байж чадах юм? Амьдралынхаа турш толины өмнө сургуулилсан хүн л магадгүй юм. Харин би толинд батгаа шахах гэж л хааяа хардаг байсан.
- Цааш үргэлжлүүлэхийн өмнө тамхи татвал чи дургүйцэхгүй биз? гэж Наижл асуулаа. Зураглаачийн царай хувьсхийсэн боловч
- Дураараа л бол. Тэгээд ч би хэдэн хүнтэй утсаар ярих хэрэгтэй гэснээ эргэн тойрондоо байгаа булшнуудыг ажиглан хараад
- Энд утсаар ярих нь арай хүндэтгэлгүй хандсан хэрэг болох байх. Би гудамжинд гарч утсаар ярина гэж нэмж хэлэв. Наижлын хөлний дэргэд камераа тавьсан тэрбээр тэлээ нь суларч унжсан жинсэн өмдөө дээш нь татчихаад гарч явлаа.
Өнгөрсөн зун Наижл Скотланд Ярдын хэвлэл мэдээллийн товчооны хүсэлтээр ням гаригийн сонинд Карл Хоггийн хэргийн тухай ярилцлага өгчээ. Ярилцлагыг УДАМШЛЫН ГЕН-УДАМ гэсэн том гарчгийн доор нийтэлжээ. Нийтлэлд “Өрөвдөх сэтгэлгүй тэр алуурчинг илрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэр бүлийн түүх судлаач түүхийн хуудсанд нэрээ үлдээлээ” гэж бичсэнийг уншаад Наижлын дургүй үнэхээр их хүрч билээ. Хэлж ярьсныг нь дэндүү хэтрүүлсэн байсан учир тэр маш их ичиж, хэргийг мөрдөж байсан цагдаагийнхан өөрийнх нь тухай юу гэж бодсон бол гэж өөрөөсөө асуухад хүрчээ. Сонинд нийтлэл гарснаас хойш түүний утас амар заяагаа үзэхээ байж, Наижл руу радио, телевиз, хэд хэдэн сэтгүүлийн газраас утасдсан байна. Бусдыг хүндлэх үүднээс тэр тэдэнд татгалзаж чадсангүй. Бас тэдэнтэй хамтарч ажилласнаар жаахан мөнгө олох боломжтой болжээ. Тэр гол дүрдээ сайн тоглож, боломж гарах бүрт цагдаагийн газрыг магтаж байлаа. Нэг удаа Шропшир радиогийн дижи
- Чи ч олны танил баатар болж амжсан байх шив гэж түүний юу хийгээд байгааг ойлгосон байртай нүдээ ирмэн хэлэхэд Наижл ингэхэд би юу л хийгээд байна даа? гэж боджээ.
Долоо хоногийн өмнө Телевизээс Наижл руу утасджээ. Тэд барилгын ажлын үеэр олдсон оршуулгын газрын тухай цуврал нэвтрүүлэгт зориулж туршилтын дугаар хийж байгаа ажээ. Нэвтрүүлгийн гол санаа нь ухаж гаргасан булшны үлдэгдлүүдээс ямар хүмүүс байсан, тэдний нас барсан шалтгаан, тэд юу туулж өнгөрүүлснийг олж судлах явдал байлаа.
Нэвтрүүлгийн найруулагч Лаисеттэ урьдчилсан хөтөлбөртэй танилцсаныхаа дараа Наижл руу утасдаж түүнийг энэ нэвтрүүлэгт оролцоход тохирох хүн гэж бодсноо хэлжээ. Оксфорд гудамжны кофешопт тэд хамтдаа сайхан үнэртэй caffe-lattе уух зуур Лаисеттэ Наижлд нэвтрүүлгийн төлөвлөгөөг танилцуулж, зураг авалтын шалгаруулалтанд ороод үзээч гэжээ. Наижл тэр үед үүнд болохгүй гэх юм алга гэж боджээ. Өнгөрсөн үеийг ухаж төнхөж байдаг улиг болсон ажлаа орхих боломж гарах ч юм бил үү. Дээр нь авах мөнгө нь ахиугаас гадна бас олны танил болох боломжтой. Хамгийн гол нь бид чам шиг зурган дээр сайхан гардаг, царайлаг, тачаангуй залуухан түүхч хайж байгаа гэж хэлсэн Лаисеттийн үгэнд тэр чихрээр шагнуулсан хүүхэд шиг л хөөрчээ.
Одоо харин Наижл арван нэгдүгээр сарын хүйтэн жавартай энэ өглөө Кенсал Грийн оршуулгын газар камерын өмнө зогсоод алдаа гаргах бүртээ засахыг хичээсээр бүр цөхөрч гүйцээд байгаа нь энэ билээ. Санасныг бодвол зураглаач Гаи харин ч их тэвчээртэй юм. Өвөрмөц ногоон өнгөтэй савхин хүрэмнийхээ халаасанд гараа лав шургуулсан тэрбээр оршуулгын газар луу буцан ирж яваа харагдав. Наижл дөрвөн удаа хийсэн оролдлогынхоо дараа өөрийгөө ямар ч авьяасгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Гаи камераа аваад
- За алив бушуул, цааш нь үргэлжлүүлье гэв. Наижл тамхиныхаа үлдэгдлийг чулуудан гутлынхаа өсгийгөөр өшиглөн холдууллаа. Хүрмээ давхарлаж өмсмөөр байсан ч даарсан мэт харагдах нь тэдний хүсээд байгаа юм нь энэ мөн байх гэж бодоод дээр нь Алфред Росситер 1829-1892 хэмээн бичсэн булшны хөшөөний дэргэд очиж зогсов. Наижл гүн амьсгал аваад мөрөө цэхлэн эргэж харлаа. Нэг хоёр гурав.
- Үхэгсэд үргэлж бидний дэргэд байсан. Наижл урагшаа
алхаад
- Тэд үргэлж ойрхон... гэтэл
- Новш! гэж Гаи хашгирлаа.
- Бас яасан бэ? гэж Наижл бухимдан асуувал
- Чи гавлын ясаа мартчихжээ гэх нь тэр.

Наижл үдийн цайны өмнөхөн Үндэсний Архивын газарт ирлээ. Энд тэр дахиад өөртөө итгэлтэй болсноо мэдрэх сайхан байв. Гэр бүлийн Бүртгэлийн Төв татан буугдсанаар тэр одоо үзэмж муутай харагдах Кью, орчин үеийн дүүрэг болон өргөжин тэлж байгаа Ислингтон хоёрын хооронд холхих хэрэггүй болжээ. Тэнд хадгалагдаж байсан бүх баримт материалыг Үндэсний Архивт шилжүүлэн авчирсан байна.
Өнөөдөр Наижлд үйлчлүүлэгчийнхээ даалгасан ажилд зориулж хийх ажил их байлаа. Урдаа давхарлаж тавьсан баримтнууд дундаас 1894 оны дөрөвдүгээр сард төрөгсдийн бүртгэлийг сонгож аваад эргүүлтэл ард нь нэг хүн түүнийг дуудав. Наижл эргэж харвал Хадер Женкинс зогсож байлаа.
- Сайн уу, Наижл? гэж мэндлээд тэр үл мэдэг инээмсэглэв.
- Өө, түрүүч Женкинс гэж тэр хэлэх зуур өөрийн эрхгүй дотор нь эвгүйрхэхийг мэдэрлээ.
- Одоо би мөрдөгч Женкинс болсон гэж Хадер хэлэв.
- Баяр хүргэе!
- Баярлалаа. Чи ямархуу байна даа?
- Сайн, харин чи?
- Би шөнөжин ажиллаад их ядарлаа. Куйнс Паркт нэг эмэгтэй алагдаж, арван дөрөвтэй охин нь сураггүй алга болжээ.
- Бурхан минь, ямар аймшигтай хэрэг вэ гэж Наижл хэллээ.
- Хоёулаа хаа нэгтээ очиж кофе уувал яаж байна? Наижл цаг руугаа харвал арван хоёр жаахан өнгөрч байв.
Тэд хоорондоо дахиж ярилцсангүй цайны газар луу явцгаалаа. Наижл одоо юу гэж бодохоо ч мэдсэнгүй. Энэ эмэгтэй дөрвөн сарын өмнө зүрхийг нь хүнд шархлуулсан билээ. Эхний үед тэд хэдэн удаа болзож, тэдний хооронд бүх юм дажгүй байх шиг санагдсан. Гэтэл Хадер өөрт нь юу ч дуулгалгүй гэнэт сураггүй алга болчихжээ. Наижл олон удаа утасдаж, цахим шуудангаар захиа илгээсэн боловч ямар ч хариу хүлээж авсангүй. Амьдралдаа анх удаа утсаараа дуут шуудан явуулж, чухам юу болоод байгааг асуусан захиа хүртэл бичжээ. Түүнд юу тохиолдсон юм бол? Би эсвэл орон дотроо сэтгэлд нь хүрэхээргүй, үнэхээр муу байсан юм болов уу? Наижл шалтгааныг олох гэж их мэрийсэн билээ. Нилээд хугацаа өнгөрсний эцэст Хадер түүнд цахим шуудангаар нэг захиа явуулжээ. Хадер ээж нь гэнэт зүрхний инфарктаар нас барсан, одоо өөрт нь их хэцүү байгаа тул хэсэгтээ тайвшрах хугацаа хэрэгтэй, ганцаараа баймаар байна гэж бичсэн байжээ. Наижл Хадерыг ойлгож тайван орхисон байна.
Тэгтэл хэдэн долоо хоногийн дараа Наижл Хадерыг хуучин найз залуутайгаа дахиад болзож байгаа тухай сонсжээ. Наижлын хичнээн их шаналсныг үгээр дүрслэхийн аргагүй байсан. Гэтэл тэр эмэгтэй зовлон шаналлыг нь дахин сэдрээхээр гэнэт өмнө нь гарч ирэв. Хадер ч гэсэн Наижлын хэрхэн шаналж байгааг анзаарсан бололтой.
- Намайг энд юу хийж яваа юм бол гэж чи гайхаж байгаа биз дээ гэж хэлээд Хадер сандал авч суунгаа гэмшсэн царай гарган инээмсэглэв.
- Харин тийм ээ гэж Наижл хэллээ.
- Фостер бид хоёр...
- Фостер? Тэр яасан, зүгээр үү? гэж Наижл түүний яриаг таслав.
- Тэр энэ долоо хоногт ажилдаа эргэж орсон. Тэр юу ч болоогүй юм шиг урьдын хэвээр ажлаа хийж байгаа. Яг одоо бид эмэгтэй яагаад алагдсаныг, охин нь хаашаа алга болсныг олж мэдэх зорилготой тэдний талаархи мэдээллийг цуглуулж байна. Бас хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахаас өмнө хохирогчийн гэр бүл, ойрын хамаатан саданг олж түүний нас барсан тухай мэдэгдэх хэрэгтэй. Гэтэл бидэнд нэг асуудал тулгараад байна.
- Юу болсон юм бэ?
- Хохирогч эмэгтэй өнгөрсөн амьдралаа чандлан нууцалж байжээ. Салсан нөхөр нь ч энэ талаар мэдэхгүй гэсэн. Чамайг шидэт дохиураа даллаж хохирогчийн аав ээж ,ах дүү, төрөл төрөгсдийн талаар олж өгч чадах болов уу гэж бид бодсон юм. Ажлын хөлсийг мэдээж чамд төлөх болно.
- Би бол танай талын хүн гэж Наижл өгөөмөр сэтгэл гарган хэлэв. Хадер Наижлд Кэти Дрэйкийн талаархи бүх мэдээллээс гадна түүний жинхэнэ овгийн нэрийг өглөө. Наижл тэмдэглэлийн дэвтэртээ Пратт гэж бичиж авснаа
- Олсон мэдээллээ чамд утсаар өгөх үү? Ингэхэд утасны дугаар чинь хэвээрээ юү? гэж асуув.
- Чамайг ажлаа хийж байх хооронд би энд хүлээгээд сууж байна гэж найдсан юмсан. Охин сураггүй алга болсон болохоор олсон мэдээллийг утсаар яаралтай дамжуулах хэрэгтэй гэж Хадер хэлснээ царай нь хувьсхийж
- Чи намайг дэргэдээ байлгамааргүй байна уу? гэлээ. Наижл хэдийгээр эргэлзэж байсан ч
- Болохгүй гэх юм алга гэж худлаа хэлэв. Хадер түүн рүү тонгойж гарт нь хүрснээ
- Наижл, дараа би чамд чухам юу болсныг тайлбарлаж өгнө. Гэхдээ одоо биш гэлээ. Наижл цайгаа уух зуур Хадерын хэлснийг юу гэж бодохоо мэдэхгүй байв. Гэхдээ түүнд одоо нэг л юм тодорхой байлаа. Нэг эмэгтэй алагдаж, охин нь сураггүй алга болсон. Наижл цагдаагийнханд туслахын тулд чадах бүхнээ хийх болно. Одоо бол өөрийн зовлон шаналлын тухай бодож гансарч байх цаг биш. Наижл Хадерт хандан
- За, эхэлцгээе гэж хэллээ. Наижл төрсний- , гэрлэлтийн- , нас барсан тухай бүх баримтыг бүтэн цаг шүүж, Кэти Дрэйк буюу Кэти Пратт нь Шүүбурнест амьдарч байсан Роберт болон Вера Пратт нарын ганц охин Катрин Мэри гэгч болохыг олж тогтоов.
Катрин Мэриг дөрвөн настай байхад эцэг нь уушигны үрэвслээр нас барж, нэг жилийн дараа эхийг нь бас эцгийнх нь дэргэд хамт оршуулжээ. Эхийнх нь нас барсан шалтгаан зүрхний оёг.
Хадерын царай өрөвдсөн шинжтэй болж
- Хөөрхий жаал. Магадгүй эх нь уйтгар гунигаа дийлэлгүй нас барсан байх гэлээ.
- Тэгсэн байж болох юм. Охин дараа нь үрчлэгдсэн байж магадгүй гэж Наижл хэлэв.
- Түүнийг хэн үрчилж авсныг бид мэдэж чадах болов уу?
- Үрчилж авсан хүний нэрийг мэдэж байвал үрчлүүлсэн хүүхдүүдийн гэрчилгээнээс олж болох юм. Харамсалтай нь бидэнд үрчилж авсан хүний нэр алга. Юутай ч бүртгэлд шүүгээд үзье. Наижл Кэтигийн төрсөн жилийн бүртгэлийг шүүж эхэллээ.
- Ингэхэд чи бас үрчлүүлсэн биз дээ? гэж Хадер хэлэв. Наижл толгой дохилоо.
- Барнес чамайг үрчилж авсан эцгийн чинь овгийн нэр үү, эсвэл жинхэнэ овгийн нэр чинь юм уу?
- Үрчилж авсан эцгийнх. Жинхэнэ овгийн нэр бол Вилкинсон.
- Чи яагаад жинхэнэ овгийн нэрээ авч үлдээгүй юм? Наижл мөрөө хавчснаа:
- Бүх хүн намайг үрчлүүлсэн овог нэрээр минь мэддэг. Үүнийг өөрчлөх ямар нэгэн тодорхой шалтгаан надад байхгүй. Хадер Наижлын сэтгэлийн гүн дэх эмзэг утсыг хөнджээ. Хэрвээ тэр төрсөн эцэг эхээ олсон бол өөрийг нь орхих болсон шалтгааныг мэдсэн байлаа ч тэдний овгийн нэрийг өөртөө шууд авах байлаа. Гэтэл тэр Вилкинсон гэж өөрийнх нь жинхэнэ овог мөн эсэхийг ч мэдэхгүй.
Үрчлүүлэгчдийн бүртгэлд Катрин Пратт эсвэл Дрэйкийн талаар ямар ч мэдээлэл байсангүй.
- Түүнд юу тохиолдсон юм бол? Наижл мөрөө хавчаад:
- Магадгүй авга эгч эсвэл эмээ өвөө нь охиныг дэргэдээ
аваад гэр бүлийн дотор үрчилж авснаа албан ёсоор бүртгүүлээгүй байж болно. Хэрвээ чамайг хүсвэл түүнд авга, нагац ах эгч нар байсан эсэхийг шалгаж өгч болох юм.
Хадер хэсэг бодож зогссоноо
- Энэ эмэгтэйн нас барсныг олонд ил болгохоос өмнө ойрын хамаатнуудад нь эхэлж мэдэгдэх хэрэгтэй байсан юм. Тэр өөрийн бага нас, хэрхэн өсч торнисон талаар хэнд ч, хэзээ ч ярьж байгаагүйгээс харахад түүнд дотно харьцаатай хүн байгаагүй бололтой. Энд нэг л ер бусын юм байна. Тусалсанд чинь баярлалаа гэлээ. Наижл түүнд ямар нэгэн хариу хэлэх ёстой юм шиг санагдаад
- Охиныг олж чадна гэдэгт чинь би итгэж байна гэв. Дараа тэр ингэж хэлсэн минь сайн юм болжээ гэдгийг мэдлээ.
Хадер цүнхээ авч явахад бэлэн болоод Наижл руу инээмсэглэн харж
- Би ч гэсэн тэгж найдаж байна гэж хэлэхэд хоолой нь бага зэрэг тайвширсан өнгөтэй болсныг тэр сонслоо.
- Төлбөрийн тооцоог...
Наижл гараа өргөн
- Хэрэггүй, энэ бол та нарын ажилд үзүүлж байгаа миний тусламж гэж хэлсэнд Хадер
- Нээрэн үү? гэлээ.
Наижл толгой дохилоо.
- Сэтгэл гаргасанд чинь баярлалаа. Би одоо хурдан явах хэрэгтэй гэж Хадер хэлээд гарах хаалга руу зангаад
- Маш их баярлалаа гэлээ.
- Хэргийг хурдан илрүүлээрэй. Чамд өөрт чинь бас амжилт хүсье.
Наижл тэр дахиад л хуучин шигээ сайхан инээмсэглэж байна гэж бодлоо. Хадер цүнхээ мөрөвчлөөд хаалга руу явахад Наижл араас нь харсаар хоцров.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:30 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 5:43 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
:bawling: :bawling: :bawling:

_________________
Sakura


Last edited by naran1962 on Jul.28.17 5:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 6:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
3


Цонхоор харагдах Лондон хотын энэ хэсэг нэг том сагсанд эмх замбараагүй чихэж хийсэн тоглоомнууд аятай харагдана. Фостер дээврийн хонгилд байрласан Наоми Бэкингэмийн унтлагын өрөөний цонхны дэргэд бүрхэг тэнгэр лүү сэрийж харагдах байшингийн дээвэр дээрх яндангууд, модны оройг ажиглан зогсож байв.
Охин одоо энэ орог саарал хотын хаана байгаа бол, тэр амьд байгаа болов уу? гэж тэр бодно. Фостер цаг руугаа харлаа. Охин сургуулиасаа гарч явснаас хойш аль хэдийн хорин дөрвөн цаг өнгөрчээ. Тэр үед хэн нэгэн охиныг хамгийн сүүлд харжээ. Өнгөрсөн туршлагуудаас харахад хэрвээ охин хулгайлагдсан бол хэдхэн өдрийн дотор үхэх болно гэдгийг Фостер мэдэж байв. Одоохондоо охины цогцос олдоогүй байгаа болохоор бас ч гэж тэдэнд найдлага байсаар байгаа билээ.
Нэр нь санаанд үл орох хүүхэн шиг царайтай Английн нэг залуу кино од дүрлэгэр цэнхэр нүдээрээ түүнийг анхааралтай ажиглахыг хараад Фостер цонхноос холдлоо. Наомигийн шинэ компьютерыг шалгахаар аваад явжээ. Одоо ширээн дээр хэдэн ном, гэрэл зурагнууд, үзэг харандаа хийсэн ягаан хуванцар аяга харагдана. Өрөөнд бас гар хүрч шалгаагүй юмнууд үлджээ. Охины хураагаагүй ор, асар том хувцасны шүүгээ, шалан дээр тарааж хаясан хувцаснууд, стерео хөгжим тоглуулагч, СД хурааж тавьсан тавиур, мөн гоо сайхны хэрэгсэл, ариун цэврийн зүйлс хийсэн онгойлгодог тагтай ширээ. Фостер шургуулгатай шүүгээний дэргэд очив. Дээд талын шургуулганд дотуур хувцас байхыг хараад тэр шургуулгыг хурдан буцааж хаав. Хоёр дахь болон гурав дахь шургуулганд хувцаснуудыг дүүртэл чихжээ. Фостер сүүлчийн шургуулгыг буцаан хаах гэтэл нүднийх нь буланд нэг богино цамцны доор байгаа зузаан хар дэвтэр туслаа.
Дэвтрийг бээлийтэй гараараа болгоомжтой чимхэн авах
үед Фостерын зүрхний цохилт түргэсээд ирэв. Эхний хуудсыг эргүүлж үзвэл цэнхэр балаар гаргацтай тогтуухан бичсэн өдрийн тэмдэглэл байв. Тэмдэглэлийг сүүлийн хагас жилийн долдугаар сарын сүүлээс эхэлж хөтөлжээ. Фостер ширээн доор байсан сандлыг татан авч суулаа. Тэмдэглэлд охин өнгөрсөн зун найз нартайгаа хийсэн бяцxан хэрүүл маргаан, хөвгүүдийн тухай бодол, мөн өөрийн гадаад төрхөндөө анхаарал тавих гэх мэт түүний насны охидын өдөр тутам хийдэг зүйлүүдийг бичжээ. Наоми Бэкингэм түүний насны охидын нэг адил санаа зовох юмгүй амьдардаг байсан бололтой. Хэдэн битүү утгатай өгүүлбэр, товчилсон үгнүүд байсан ч анхаарал татахааргүй, агуулга нь ойлгомжтой байв.
Фостер хуудаснуудыг алгасан эргүүлж эх нь алагдаж өөрөө алга болохын өмнөх долоо хоногуудын тэмдэглэлийг уншлаа. Хэрэг гарахаас хоёр долоо хоногийн өмнө бичсэн нэг зүйл Фостерын анхаарлыг татав.

Ээж намайг гэртээ ирэхэд дахиад л уучихсан байлаа. Би бүр ичиж үхэх нь ээ. Oрой гадуур зугаалчихаад Т, Л хоёртой хамт гэртээ ирэх үед тэд ээжийг харчихсан. Есүс минь гэж. Тэр бүр үг ч хэлж чадахааргүй шал согтуу, амандаа ойлгомжгүй бувтнаад байсан. Өнөө өглөө намайг сургууль руугаа явахад тэр надад юу ч хэлээгүй. Намайг гэртээ буцаж ирэхэд тэр пицца захиалчихсан, өдөржин өөр юманд ч анхаарч чадахааргүй зав муутай байлаа гэж хэлсэн. Гэвч тэр дараа нь дахиад л бараг нэг бүтэн шилийг уучихсан ...

Хоёр өдрийн дараа тэр дахиад эхийнхээ тухай бичжээ.

Би ээждээ санаа зовоод байна. Тэр ямар ч аз жаргалгүй харагдах боллоо. Өчигдөр орой ээжийг орондоо уйлахыг би сонсох шиг болсон. Өрөөнд нь орж юу болсныг асуумаар байсан ч зүрхэлж чадсангүй. Өнөө өглөө түүнээс ямар нэг юм болсон юм биш биз гэж асуухад тэр түгдэрч байсан ч бүх юм зүгээрээ гэж хэлсэн. Юу болоод байгаа юм бол? Тэр юунаас ч юм болгоомжлоод байх шиг байна. Өчигдөр намайг Л-ийнхээс буцаж ирсний дараа тэр хэдэн хундага у. дарс ууж жаахан тайвширсан бололтой "Хонгор минь, миний төлөө санаа бүү зов" гэж хэлсэн. Тэгээд ажил олдохгүй байгаа учраас миний санаа зовж, надад нэг хэсэг жаахан хэцүү байлаа, одоо бүх юм ард хоцорсон гэсэн.
Бид хагас сайнд Тэйт Модерн руу явж өдрийн хоол хамт идэхээр тохирлоо. Ээж сүүлийн үед гадагшаа бараг гарахаа байчихсан байсан болохоор надад энэ санал сайхан санагдсан. Урьд нь тэр зөндөө найзуудтай байсан боловч тэдэнтэйгээ уулзахаа бүр больчихсон. Хэдийгээр тэр санаа бүү зов гэж хэлсэн ч их л гунигтай харагдаж байгаа учир миний санаа зовоод байна.

Хүн амины хэрэг гарахаас дөрвөн хоногийн өмнө гэр орны уур амьсгал арай дээрдсэн бололтой.

Ээжийн сэтгэл санаа үнэхээр дээрдэж байгаа бололтой. Тэр долоо хоногийн турш юу ч уусангүй. Анх удаа гэрт архи дарс харагдсангүй. Намайг юу бодож байна гэж үү? Би түүнд кофе чанаж өгье гэтэл тэр "Үгүй, би дахиж кофе уухгүй" гэлээ. Тэр гаатай цай уумаар байна гэнэ! Хөөе! Хадагтай Кафеин ингэж хэллээ гэж үү!!! Ээжийн орыг эзлэхээр өөр гаригаас хэн нэгэн ирчихсэн юм шиг л байна. Тэр хөгжилтэй, арван наймт шиг харагдаж байгаа ч жаахан болгоомжилж, биеэ барьсан харагдаж байна. Юу болсон юм бол? Ээж олон жил гадуур дотуур гарч байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй. Магадгүй ажилтай болсон юм болов уу? Найдаж л байна шүү. Би согтуу бувтнасан - орноосоо босдоггүй- ээжийн оронд энэ эрүүл саруул- миний бие бол миний босгосон суварга гэж тунхагладаг- ээжтэйгээ баймаар байна.


Алга болохын өмнөх орой, сүүлчийн тэмдэглэл нь түүний арван дөрвөн насны төрсөн өдрийн баярын тухай байлаа. Фостер инээмсэглэн уншив.
"Есүс минь! 14! Би бүр хөгширчихсөн юм шиг надад санагдаж байна!". Цааш нь тэшүүрээр гулгахаар явах тухайгаа бичжээ. Tэгээд өдрийн тэмдэглэл дуусжээ.
Фостер дэвтрийг хаагаад өчнөөн их хайрладаг байсан эх нь алагдаж, одоо өөрөө хаа нэгтэй үхээд булагдчихсан байж магадгүй ирээдүйн бүх амьдрал нь өмнө нь гэрэлтэж байсан арван хэдтэй хөгжилтэй охины тухай гуниглан бодоод " Амьдрал ч бэрх юм даа" гэж аман дотроо бувтнав.
- Надад тайлбарлаач гэхийг сонсоод Фостер өндийж харвал Хадер ороод ирчихсэн зогсож байлаа. Тэр чимээгүй орж ирээд дэвтрийг харчихжээ.
- Энэ бол алга болсон охины өдрийн тэмдэглэл гэж тэр Хадерт хэллээ.
- Ямар нэг хэрэгтэй юм олж илрүүлэв үү?
Фостер мөрөө хавчлаа.
- Дрэйк их уудаг байжээ. Гэхдээ тэр сүүлийн долоо хоногт илэрхий өөрчлөгдөж дусал ч амсаагүй байна.
- Хэрэгтэй ямар нэг холбоо байна гэж чи бодож байна уу?
- Магадгүй л юм. Наоми өдрийн тэмдэглэлдээ түүний ажилтай холбоотой байх гэж бичсэн байна. Дрэйкийн агентлагтай холбоо барьсан уу?
- Тийм ээ. Энди Дринквотер холбоо барьсан. Кэти энэ жил ганцхан удаа кинонд дуу оруулсан, үлдсэн хугацаанд нь өөр ажил хийгээгүй гэж байна. Мөн ажлын хуваарьт нь өөр юу ч байгаагүй гэнэ.
- Тэгвэл тэндээс юу ч олоогүй юм шив дээ.
- Түүнд ямар нэг найз залуу байсан гэнэ үү?
- Охины өдрийн тэмдэглэлээс үзэхэд бид энэ талаар мартах хэрэгтэй юм шиг байна. Наоми эхийгээ олон жил гадагшаа гараагүй гэж бичсэн байна. Гэхдээ энэ арван хэдтэй охины хэтрүүлэг ч байж болох юм. Одоо харин Хадер
мөрөө хавчснаа
- Тэр амьдралаа өөд татахыг л хүссэн байх л даа гэв.
- Чиний зөв байж магадгүй. Түүний ойрын төрлийнхнөөс хүн олж мэдэв үү?
- Кэти үрчлүүлсэн юм байна. Гэхдээ албан ёсоор биш, төрөл садан ах дүү, эсвэл эцэг эхийнх нь найз нөхөд түүнийг үрчилж авсан байх гэж Барнес хэлсэн.
Барнес гэнэ үү? Тэр дандаа л Наижл гэдэг байсан гэж Фостер бодлоо. Энэ өөрт нь хамаагүй ч Фостер тэдний хооронд дотно харьцаа байна гэдгийг гадарлаж байсан. Тэднийг бие биендээ муугүй байх гэсэн бодол Фостерт байжээ. Ажаад байхад тэдний харилцаа удаан үргэлжлээгүй бололтой. Фостер Хадерыг Өмнөд Хүн амины хэргийг хариуцсан Хэлтсийн цагдаа, хуучин найз залуутайгаа дахиад уулзаж байгаа гэж сонсжээ. Хадер хуучин байдгаасаа нэг л өөр байсан нь энэ бүхнээс болсон байж магадгүй юм. Тэр ярих нь багасаж, ажилдаа нэг л идэвх муу байх шиг.
- Наижл ямархуу байна? гэж Фостер асуулаа.
- Тэр сайн байна лээ гэж Хадер хэлчихээд инээмсэглэх аядснаа
- Наижл телевизийн нэвтрүүлгийн туршилтын дугаарт оролцож байгаа гэсэн. Тэд булшнаас үхэгсдийг ухаж гаргаж байгаа гэнэ.
- Хэн одоо ийм юм сонирхдог байна аа? хэмээн Фостер үл тоомсорлов.
- Чи зурагт үздэггүй бололтой гэж Хадер хэллээ.
Фостер мөрөө хавчснаа цонх руу очиж гадагшаа харав. Гудамж хоосон, чимээ аниргүй байлаа. Цагдаагийнхан нэг километрийн тойрог доторхи бүх оршин суугчидтай очиж уулзжээ. Одоогоор тэдэнд зөвхөн нэг л юм тодорхой байлаа. Бие биенээ мэддэггүй хоёр хүн үдийн үед дөрвөн цагийн орчим нэг цагаан хүргэлтийн машин гудамжинд давхин орж ирээд Дрэйкийн байшингийн ойролцоо зогсохыг харсан гэжээ. Тэдний хэн нь ч нөгөө машины буцаж явахыг хараагүй гэнэ. Нэг баг хамгаалалтын камерын бичлэгийг шалгаж байгаа. Гэвч цаг явсаар, секунд өнгөрөх бүрт Наоми Бэкингэмийг амьд олох найдвар багассаар.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:32 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 6:23 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Тэр орой Фостер Хадертэй хамт задлан шинжилгээний өрөө рүү орж явахдаа энэ цогцос хадгалах байрны үнэр бас л хэвээрээ байх шив гэж бодлоо. Үнэр дарагч, халдваргүйжүүлэх бодис цогцосноос гарах задралын үнэрийг дарж чаддаггүй ажээ. Өнгөрсөн хугацаанд Фостер үнэндээ өрөөнд алхах үед чимээ нь цуурайтдаг плитагаар өнгөлсөн шал, ариутгаж цэвэрлэсэн зэвэрдэггүй ган төмөр багажнууд, дотор хүйт оргиулсан энэ нам гүм орчинг санагалзаж байсангүй. Гэвч тэр охиныг хулгайлж авч явсан Кэти Дрэйкийн алуурчинг олох ангуучлал эндээс л эхлэнэ гэдэгт итгэлтэй байлаа.
Нэг туслах ажилтан Кэтигийн цогцсыг битүүлэн оёж байв. Эдвард Карлайл Фостерт түр хүлээхийг анхааруулав. Дараа нь тэр хоёр мөрдөгчид юу олж мэдсэнээ хэллээ.
- Үхлийн шалтгаан боомилогдсоноос болсон байна. Фостер мэл гайхаж
- Түүнийг эхлээд боож алсан гэж үү? гэж асуув. Карлайл толгойгоо итгэлтэй дохиод цогцосны хүзүү рүү зааж
- Ямар ч эргэлзээгүй. In situ. шархны эргэн тойронд цус их байгаа учраас хүзүүний арьсны язралт харагдахгүй байна. Гэхдээ энэ огтолсон шархны дээд талд тодорхой харагдаж байгаа.
Фостер урагш тонгойн хоолойг хөндлөн ярсан шархны дээр нэг бүдэг улаан зураас байхыг олж харлаа.
- Хэлний угийн яс хугарч, төвөнхний толгой, бамбай булчирхайн мөгөөрс их гэмтсэн. Алуурчин их тэнхээтэй байсныг бодоход эрэгтэй хүн гэдэг нь тодорхой байна. Ямартай ч Наоми Бэкингэм эхийгээ хороосон байж магадгүй гэсэн таамаглалыг үгүйсгэж чадлаа гэж Фостер дотроо бодож амжив.
- Миний хэлээд байгаа арьсны язралт өнгөцxөн байгаа
болохоор нүүр гарын алчуур эсвэл хүзүүний ороолт хэрэглэсэн болов уу гэж би таамаглаж байна. Фостер алуурчин мөрөө балласан гэдгийг мэдэж байгаа ч шинжээчийн багт Кэти Дрэйкийн гэрт байгаа бүх хувцас, бөс даавууг шалгах үүрэг даалгавар өгөхөөр шийдлээ.
- Түүний хүзүүн дэх шархны талаар хэлэх юм байна уу? гэж тэр эмчээс асуув.
- Хохирогчийг үхсний дараа хоолойг нь огтолсон. Шарх гүн биш байсан учраас хоолойны артерийн судас, хүзүүний венийн судаснууд нь гэмтээгүй байна. Эндээс дүгнэж үзэхэд нэг бэлэг тэмдгийн чанартай байсан болов уу. Чиний олох алуурчин ямартай ч баруун гараа ашигладаг. Цогцосны нуруу нь бас хөхөрч няцарсан байсан. Би зуун хувь итгэлтэй биш байгаа ч хохирогчийг эхлээд гэрт нь алаад гадагшаа чирч гаргасан. Дараа нь тэнд хоолойг нь огтолсон.
Фостер үнэндээ юу ч ойлгосонгүй. Ихэнх алуурчид цогцсыг нуух гэж оролддог. Гэтэл энэ алуурчин бүр эсрэгээрээ цогцсыг гэрээс чирч гаргаад хэн ч олж харж чадахаар цэцэрлэгт ил орхисон байдаг.
- Байшинд цусны ул мөр олдоогүй, харин цэцэрлэгт их байсан гэж Фостер хэллээ. Карлайл толгой дохисноо бодлогошронгуй
- Цогцосны нуруун дээрх толбонууд түүнийг чирч гулдарсныг баталж байгаа юм. Түрүүн миний хэлснээр алуурчин эмэгтэйг гэрт нь алсан. Дараа нь цэцэрлэг рүү чирч гаргаад тэнд хоолойг нь хэрчсэн гэж би тодорхойлж байна. Фостер одоогоор мөрдлөгт ахиц гаргачихмаар юм ер алга гэж урамгүйхэн бодоод
- Бэлгийн харьцаанд орсон гэх шинж тэмдэг байна уу? гэж асуув.
Кэти Дрэйк алуурчнаа гэртээ оруулж, унтлагынхаа өрөө рүү дагуулж орсон уу, эсвэл алуурчин түүнийг хүчээр чирсэн юм болов уу? Тэр алуурчны дайралтад цочирдсон уу эсвэл зүгээр л буугаад өгчихөв үү? Хохирогчийг олох үед тэр хэдийгээр бүх хувцастайгаа байсан ч ямар нэг бэлгийн харьцаа байсныг үгүйсгэж чадаагүй байгаа билээ. Карлайл толгой сэгсэрлээ.
- Тэр тал дээр ямар ч ул мөр олдоогүй.
Фостерын толгойд янз бүрийн хувилбар эргэлдэж байлаа. Наоми гэртээ харьж ирснээр алуурчинд саад болсон уу? Тэр шалтгаанаар охиныг хулгайлав уу? Алуурчинд түүнийг шууд алчих боломж байсан. Яагаад алуурчин баригдахаас ч айлгүй охиныг авч явж эрсдэлтэй алхам хийхэд хүрэв?
- Хохирогч хэдэн цагийн үед алагдсан юм шиг байна?
- Яг тодорхойлж хэлэхэд хэцүү, гэхдээ миний үзэж байгаагаар тэр үд дундын үед нас барсан. Наоми алуурчинд саад болсон байх боломжтой. Гэрт ноцолдож тэмцэлдсэн гэхээр ул мөр олдоогүй. Наоми өөрийг нь хулгайлсан хүнийг бас таньдаг, тэгээд эхийгээ гадаа үхчихсэн хэвтэж байгааг ч мэдэлгүй сайн дураараа түүнтэй хамт явсан гэж таамаглаж болох юм.
- Би цусны дээж авч хордлого судлалын төв рүү илгээсэн. Элэг өөхөлснөөс харахад өвчин анхан шатандаа байсан. Өвчний шалтгаан нь согтууруулах ундаа гэж үзэж байна. Хохирогч ерөнхийдөө бие сайтай байжээ. Тэр өглөөний цайнаас хойш юу ч идээгүй байсан гэж Карлайл нэмж хэлэв.
- Тэр гар хөлнийхөө хумсыг хэзээ будсан юм шиг байна? гэсээр Хадер тэр хоёрын дундуур орж хэллээ. Карлайл мөрөө хавчсанд Хадер өөрөө харахаар урагш алхлаа.
- Минийхээр бол нэг их удаагүй бололтой, цэвэрхэн харагдаж байна. Цогцсыг анх олоход сормуусны будаг, суурь крем, уруулын будгаар нүүрээ будаж янзалсан байсан. Түүний хувцаснуудыг чи яасан бэ? гэж тэр Карлайлаас шамдан асуулаа. Шинжээч эмч
- Хувцаснуудыг удахгүй шинжээчийн баг руу явуулна. Миний бодлоор энд хаа нэгтээ уутанд хийсэн байгаа гэж хэлээд туслагч нар луугаа эргэж харав. Нэг ажилчин уутанд хийсэн хувцсыг авчирч өглөө. Хадер бээлий өмсөж уутыг аван задлан хийдэг ширээнүүдийн нэг рүү очоод дээр нь уутан доторхийг асгав. Фостер түүнтэй хамт хувцаснуудыг харлаа. Хадер цусанд будагдсан цамц, богино банзалд анхаарлаа хандуулсангүй, гялалзсан жижиг чулуун шигтгээтэй хар хөхний даруулгыг эрхий долоовор хуруугаараа чимхэж аваад Фостер лүү эргэж харав
- Хар даа. Шигтгээтэй, хөх өргөгчтэй даруулга. Даваа гаригийн үд дунд гэртээ ийм юм өмссөн байна гэдэг чинь жирийн юм биш. Миний таамаглаж байснаар тэр ямар нэг уулзалтанд бэлтгэж байжээ гэж Хадер хэллээ.
Наоми Бэкингэм алдсан ажээ. Охины ээж ямартай ч эр хүнтэй yyлздаг байжээ.

Кэтигийн хамгийн сайн найз Салли Дарлингхортс Кентиш Таунд байдаг жижиг цувраа байрнуудын нэгэнд амьдардаг ажээ. Дарлингхорст бүхэл өдөржин гэртээ байсангүй, оройхон гэртээ ирэв. Энэ хооронд тэр Кэти Дрэйкийн нас барсныг мэдсэн бөгөөд хэт цочирдсноос болж царай нь цонхийж цайсан байлаа. Фостер эмэгтэйг зурагтаар харсан байж магадгүй бололтой, царайлаг төрх нь нэг л танил санагдав.
Дарлингхортс хоёр мөрдөгчийг зочны өрөөндөө оруулав. Өрөөг угсаатны урлагийн бүтээл гэж нэрийддэг олон тооны инээмтгий маск, модон хөшөө, ханан дээрээ өнгө алаглуулан будсан бүтээлэг, алчуураар дүүргэжээ. Эндээс хүж, тамхины үнэр холилдон ханхалж байв. Эмэгтэй буйдан дээр очиж суугаад тоймгүй олноор нь өрж тавьсан янжуурнаас нэгийг авч асаалаа. Фостер Дарлингхорстод найз нь нас барсан явдалд эмгэнэл илэрхийлэв. Хариуд нь тэр янжуураа гүн сорж, нүд рүү нь унжаад байсан цайвар шаргал үсээ хойш нь илээд
- Аймшигтай. Ямар их аймшигтай байгааг илэрхийлж чадахгүй байна гэж цээлхэн гуниг шингэсэн хоолойгоор хэлэв. Тэгээд
- Наомигоос сураг гарсан уу? гэж асуулаа. Фостер итгэл муутайхан толгой сэгсрэв. Хадер түүнд ирсэн шалтгаанаа тайлбарлаж, алуурчныг олох сэжүүр гаргахын тулд Кэтигийн амьдралыг нарийн тодорхой мэдэхийг хүсэж байгаагаа хэллээ.
- Та нар юу мэдэхийг хүсэж байгаа юм бэ?
- Тэр ямар хүн байсан бэ? гэж Фостер асуулаа. Кэтигийн найз
- Хөөх, ямар хачин асуулт вэ? Тэр ямар хүн байсан бэ гэнэ ээ? гэж хэлснээ харцаа доошлуулж, бодолдоо автах шиг болов.
- Тэр үнэнч, гэнэн итгэмтгий байсан. Тэр маш сайн ээж, сайн найз, бас бурхан мартчихсан болохоос биш мундаг авьяаслаг жүжигчин байсан.
- Чи түүнийг хэр удаан мэддэг бэ? гэж Фостер асуув.
- Арван зургаан жил. Анх уулзахад тэр хорин нэгтэй, би хоёр насаар эгч байсан. Бид "Зуушин Өдрүүд" гэдэг нэг тоглолтын давталттай байсан юм. Үнэн аймшигтай жүжиг. Бид хичнээн их инээлддэг байсан гээч. Дараа нь бид найзууд хэвээрээ үлдэж, хамтдаа Лондонд ирсэн. Тэр бүх хурим, салалт, хүүхэд гаргах, ажилтай холбоотой бэрх асуудлууд ч бидний нөхөрлөлд саад болж чадаагүй. Тэр хэзээд миний төлөө, би ч гэсэн түүний төлөө байдаг байсан. Фостер толгой дохилоо.
- Сүүлийн үед тэр ямар байсан бэ? Дарлингхортс дахин нэг янжуур авч асаагаад
- Тэр ямар байсан бэ гэж үү? гэж асуултыг давтан хэлээд дахин харцаа доошлуулж тамхинаасаа хэд сорон хэсэг дуугүй суулаа.
- Би Кэтитэй хэдийн хоёр сар уулзаагүй, гэхдээ хоёр долоо хоногийн өмнө түүнтэй утсаар ярьсан. Тэр..., ер нь ажилгүй байгаадаа их санаа зовж байсан. Би нэг теле жүжигт дүр авсан байсан юм. Зүгээр л нэг новшийн юм, гэсэн ч энэ бол ажил. Бид ихэвчлэн ажил олдсонд талархаад, чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог. Гэвч Кэти маань жаахан идэвх зүтгэл муутай болсон. Би бага сага ажилтай байсан бол тэр бараг бүтэн жил ямар ч ажил олоогүй...
- Чадах бүхнээ хийх хэрэгтэй болдог гэдгийг юу гэж ойлгох
вэ? гэж Хадер инээвхийлэн асуулаа.
- Аан тэр үү? Дөч шүргэж байгаа эмэгтэй жүжигчинд олигтой ажил олдохгүй шүү дээ. Ямар нэг ажил олдлоо гэхэд тэр нь ихэвчлэн ямар нэр новшийн дүр байх жишээтэй. Эрчүүдийн хувьд харин эсрэгээрээ, тэдэнд ажлын санал их ирдэг. Үүнийг ингэж л тайлбарлаж болох юм. Чи байдгаараа чармайж чадах бүхнээ хийх эсвэл бүр мөсөн болих хэрэгтэй ... Ер нь надад хэлээд байх юм алга. Хичээл заадаг ч гэх юм уу ... гэж хэлээд эмэгтэй хөөрхөн царайгаа ярвайлгав.
- Кэти ажилгүй байхдаа өдрийг яаж өнгөрүүлдэг байсан юм бол? гэж Фостер асуулаа.
- Тэр ном уншиж, бас зохиол бичдэг байсан. Кэти нэг роман бичиж байсныг би санаж байна. Бас гэрийнхээ ойролцоо нэг жижиг дэлгүүрт сайн санааны ажлаар долоо хоногийн хоёр өдөр нь ажилладаг байсан.
- Ямар сайн санааны ажил?
- Хорт хавдар судлалд зориулсан ажил. Тэнд Кэти өөр найз хүүхнүүдтэй байсныг би Наомигоос дуулсан. Тэд бүгдээрээ ганц бие ээж нар гэсэн.
- Тэр яаж мөнгөтэй байдаг байсан юм бол?
- Тэр заримдаа хэдэн олон ангит кинонд дуу оруулдаг байсан. Иймэрхүү ажлаас чи мөнгө сайн олно. Тэр их гоё цээлхэн хоолойтой. Бас тэр хуучин нөхрөөсөө Наомигийн тэтгэмжийн мөнгийг авдаг байсан.
- Түүний амьдралд өөр эр хүн байсан уу?
Эмэгтэй үл тоомсорлосон байртай хамраа шуухитнуулан инээд алдав
- Эр хүн гэнэ ээ? бид тэр муусайн новшнуудтай холбоотой асуудлыг орхиод удаж байна гэж хэлээд Фостер луу харлаа.
- Өршөөгөөрэй, мөрдөгч өө. Тэр лесби биш. Та арай ингэж бодсон юм биш биз? Есүс минь, үнэхээр үгүй шүү. Би зөвхөн бид эрчүүдтэй хамт байхдаа жаргалтай байгаагүй гэж хэлэх гэсэн юм. Бид хоёр хоёулаа нөхрөөсөө салсан. Дараа нь бид хэд хэдэн удаа хүнтэй үерхэж үзсэн боловч амжилттай болоогүй. Энэ бүхэн ажлын хажуугаар бидний ярианы гол сэдэв болдог байлаа. Тэр нэг жилийн өмнө хүнтэй үерхэж байсан. Арай өмнө ч байж магадгүй.
Хадер эмэгтэйтэй урьд нь Кэтитэй холбоотой байсан эрчүүдийн талаар ярилцав. Дарлингхорст зарим үйл явдлыг сайн санахгүй байснаас Кэтигийн бүх хуучин амрагуудыг мэдэж авахад хүндрэлтэй байлаа.
- Сүүлийн үед түүнд хэн ч байгаагүй юм уу?
- Миний мэдэхээр лав хэн ч байгаагүй. Юу гэж? Кэтиг таньдаг хүн нь алсан байх гэж үү? Түүний итгэж чадахгүй байгааг нүүрнийх нь төрхөөс олж харсан Фостер толгой дохилоо.
- Бидний бодлоор тийм байх магадлалтай. Тэр хоёрт ямар нэг муу юм хийхийг хүссэн хүн байсан эсэхийг та мэдэхгүй биз?
- Ямар ч хүн байгаагүй гэж тэр юу ч бодолгүй шууд хариулав.
- Тэр гал цог шиг амархан уурлаж дүрэлзэн асдаг ч гэнэн цайлган, эелдэг эмэгтэй байсан. Бүх хүн түүнд сайн байдаг байсан. Түүнд муу юм хийх хэн нэгэн байсан гэдэгт би итгэхгүй байна.
Дарлингхортс хоосон дарсны хундага авч гал зуухны өрөө рүү явлаа.
- Та нарт жаахан уух юм өгөх үү? Ажлын цагаар хатуу юм ууж болохгүй гэдэг үнэн үү?
- Тэр ч тийм шүү гэж Фостер хариуллаа.
- Цай, кофе эсвэл ус уух юм уу? Хадер аяга ус уухаар болж Фостер харин татгалзав. Эмэгтэй гартаа нэг хундага дарс, дүүрэн устай шилэн аяга барьчихсан буцаж ирлээ.
- Та Кэтиг мэддэг болоод удаж байгаа. Тэр танд өөрийнхөө бага нас, өнгөрсөн амьдралынхаа тухай ярьж байв уу?
- Хэзээ ч үгүй гэж тэр хэллээ.
- Миний санаж байгаагаар тэр нэг удаа эцэг эх нь хоёулаа
нас барсан учир үрчлүүлсэн гэж хэлсэн. Тэр өнгөрсөн үеийнхээ талаар санахыг ч хүсдэггүй нь мэдрэгддэг байсан. Бидний мэргэжлийнхний дунд дээшээ гарах гэж өнгөрсөн амьдралаа нууцалдаг хүмүүс бишгүй олон бий. Тэр тэдний нэг байсан.
- Урьд нь түүнд ямар нэг хэцүү юм тохиолдож байсан талаар чамд дуулж мэдсэн юм байна уу? гэж Фостер асуув.
- Хүч хэрэглэсэн гэж үү? Фостер түүний илэн далангүй байдлаас жаахан эмээх шиг боллоо.
- Тийм ээ, би тэрнийг чинь л хэлээд байна. Дарлингхортс дахин нэг тамхи аваад бодол болон хэсэг дуугаа хураалаа.
- Үгүй, минийхээр бол тийм юм байгаагүй. Хэрэв тийм юм болсон бол тэр надад энэ талаар хэлэх байсан гэдгийг би баттай мэдэж байна. Надад Кэти жаахан хүүхэд байхдаа хамт байсан хүмүүстэйгээ таарамж муутай байсан байх гэж санагддаг байсан. Кэти нэг зэрлэгдүү төрхийн охин байсан. Миний бодлоор хамт амьдарч байсан тэр хүмүүс нь жинхэнэ хуучинсаг үзэлтэнгүүд байсан байх.
- "Тэр хүмүүс" гэдэг нь хэн хэн байсныг та мэдэх уу?
- Тэд Кентийн хаа нэгтээ далайн эрэг дээр байдаг нэг новшийн хотхонд амьдардаг байсан гэсэн. Тэр хотын нэрийг би санахгүй байна. Кэти тэр газрыг үзэн яддаг байсан.
- Кент гэсэн үү? Эссекс дэх Шүүбурнес биш байсан юм уу? гэж Хадер асуулаа.
- Үгүй, тэр үнэхээр Кент гэж хэлсэн. Хотын нэр Диел байсан байж ч магадгүй. Хадер нэрсийг дэвтэртээ тэмдэглэж авлаа.
- Тэр өсгөж байсан хүмүүсээ хэн болохыг хэлж байсан уу?
Дарлингхорст тамхиа татсаны дараа толгой сэгсэрлээ.
- Нэр усьг нь лав үгүй. Ямар нэг авга эгч гэж л би дандаа боддог байсан. Гэхдээ тэр надад ингэж хэлсэн эсэхийг би санахгүй байна.
- Тэгэхээр Кэтийг Стэфен Бэкингэмтэй гэрлэхэд төрөл төрөгсөд нь уригдаагүй байх нь ээ?
- Есүс минь гэж, ёстой үгүй. Тэнд их цөөхөн хүн байсан. Чэлсид Иргэний Бүртгэлийн Газар болсон хуримын ёслолд зөвхөн хэдхэн тооны найзууд нь уригдсан. Тэд дараа нь хөлчүүртлээ ууцгаасан. Стэфений эцэг эх нь уригдаагүй болохоор тэд их гомдсон. Тэд хүүгээ уучилж чадаагүй гэж надад бодогдсон.
- Стэфен тэр хоёрын харьцаа ямар байсан бэ?
- Стэфен эм сүвтэй болгоныг өвөртөө оруулдаг болохоос өмнө тэд сайхан амьдарч байсан. Өөдгүй новш Кэтигийн зүрхийг шархлуулсан. Миний бодлоор Кэти үүнийг тэсвэрлэж чадаагүй. Кэти Стэфенийг явсны дараа Наомигоос болоод хэд хэдэн ажлаас татгалзсан. Түүнд Наомиг харж өгөхийг хүссэн олон найз байсан. Би ч гэсэн Наомиг арай том болсон байхад нь харж өгч байсан юмдаг. Гэхдээ тэр ажил гэхээсээ илүү Наомиг л эхэнд нь тавьдаг байсан. Стэфен ганцxан Кэтигийн зүрхийг шархлуулсан биш бас түүний ажлын карьерийг баллаж хаясан. Кэти Наомигоо бодсон учраас Стэфенийг зүгээр орхисон. Өнгөрсөн хэдэн жил л тэр Стэфений талаар бага дурсдаг болсон. Кэти надад тэнэг новшид үнэхээр дургүй нь хүрдэг ч үргэлж уурлаж үзэн ядаад байх хэцүү юм гэж хэлж байсныг би сайн санаж байна.
Фостер жүжигчин эмэгтэйд талархсанаа илэрхийлээд өөр юм санавал мэдэгдээрэй гээд нэрийн хуудсаа өглөө. Тэднийг хаалга руу явж байтал эмэгтэй гэнэт нэг юм саналаа.
- Сүүлчийн удаа хоёр сарын өмнө Кэтитэй уулзахад тэр дахиж хэзээ ч юунд ч итгэж байхгүй гэж хэлсэн.
- Юунд итгэхгүй гэж?
- Би бас тэгж асуусан л даа. Кэти надад тодорхой юм хэлээгүй. Би түүнийг жүжигчний ажлын талаар хэлсэн байх гэж ойлгосон.
- Тэр яг юу гэж хэлсэн бэ?
- Кэти миний итгэж найдаж байсан нэг юманд том ан цав гарчихлаа гэсэн. Тэгээд л тэр. Дараа нь тэр ярианы сэдвийг
өөрчилчихсөн.
Салли Дарлингхорст хаалгаа хаах үед нүдэнд нь нулимс цийлэгнэxийг Фостер харлаа.

Фостер Актонд байдаг гэртээ ирэхэд аль хэдийн шөнө дунд өнгөрсөн байлаа. Тэр өвчин намдаагч эм балга улаан дарсаар даруулж уув. Дарсыг онгойлгоод хэдийн хоёр хоног өнгөрчихжээ. Дарсанд их ач холбогдол өгдөг эцгийнх нь хувьд Haut-Brion дарстай ингэж харьцана гэдэг бол уучилшгүй хэрэг билээ. Гэвч түүнийг хориглох тэр хөгшин эр энд байхгүй, тэгээд ч ойр хавийн архи дарсны дэлгүүр аль эрт хаачихсан. Цангаснаас болж бараг хатаж үхэх шахаж байсан ч тэр ус уухыг хүссэнгүй. Угжтай сүү барьсан хүүхэд шиг насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гартаа савтай ус барьчихаад энэ бол эрүүл мэндэд сайн гэж хэлцгээдэг. Яахаараа энэ томчууд нялх хүүхэд шиг аашилцгаадаг байна аа?
Фостер зөөврийн компьютер тавьсан гал тогооны ширээ рүү очиж хөндүүрлэн өвдөх хөлөө амраахаар сандал дээр суув. Энд суух түүнд эвтэйхэн байдаг билээ. Өнгөрсөн хагас жилийн хугацааг тэр энэ сандал дээр компьютерын дэлгэц ширтэн дарс ууж өнгөрөөсөн ажээ. Харанхуй нөмөрч, чимээ аниргүй болоход үед айдас нь хүрсэн Фостер ор луугаа явахаас зайлсxийдэг байлаа. Нойрондоо дийлдэн унтсан ч тэр шөнө дунд усан хулгана болтлоо хөлөрчиxсөн сэрдэг байв. Аль арван есдүгээр зуунд цагдаагийн мөрдөгч байсан Фостерын элэнц өвөөгийн буруугаас болж гэм зэмгүй нэгэн дүүжлэн алах цаазын ял авч, энэ хэргээс улбаалж гэр бүлээ хүйс тэмтэрсэн нэг галзуу цуврал алуурчны удам Карл Хогг хамаг бурууг түүнд тохон тамлан зовоохыг Фостер зүүдэндээ өчнөөн цагаар амсдаг ажээ.
Хогг өөрийн удамд байдаг цусан халдвараа арилгахыг хүссэн гэж хэлжээ. Тэр Фостерын эрүү, эгэм, бугуй, шилбэний ясыг хугалж бяцалсан бөгөөд, хэрэв Наижл Барнес энэ хэрэгт оролцоогүй бол тэр хэдийн үхчихсэн байх байлаа. Гэмтэл бэртэл Фостерын өдөр тутмын амьдралыг их бага хэмжээгээр амаргүй болгосон ч эр зоригыг нь мохоож чадаагүй.
Тэр компьютероо асахыг хүлээх зуур дарснаасаа балгалаа. Фостер Дарлингхорстын гэрээс гараад шууд Кенсингтон дахь албан контор луугаа очиж Кэти Дрэйкийн хүн амины хэргийг мөрдөж байгаа багийнхнаа дуудуулжээ. Тэр Кэтигийн сураггүй алга болсон охиныг Лондон даяар эрж олох ажлыг удирдаж байгаа багийн цуглуулсан материалыг үзэж танилцлаа. Фостер илүү цагаар ажиллах зөвшөөрлийг удирдлагатайгаа зөвлөж шийдэрлэв. Мөрдлөгийн багийнхнаас Кэти амраг эрээ эсвэл амрагаа болгох гэсэн хэн нэгнийг гэртээ урьсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэн, болзооны товчоодтай холбоо барьж Кэтигийн нэр байгаа эсэхийг шалгаж үзэцгээжээ. Охины өдрийн тэмдэглэлд "Ээж олон жил гадагшаа гарч байгаагүй юм чинь лав эр хүнтэй уулзаагүй " гэж бичсэн мөр Фостерт байн байн бодогдсоор байв.
Компьютерын дэлгэц ассаныг хараад Фостер интернэтэд холбогдлоо. Өнгөрсөн хагас жил шархаа эдгээх хугацаанд эдгээр автомашин, покер, хорвоо ертөнцөд болж байгаа үйл явдлаар маргаж мэтгэлцдэг интернетийн идэвхтэнгүүдийн форумын вэб хуудсууд түүний цагаа нөхцөөдөг хоёр дахь гэр болж байжээ. Фостер кино мэдээллийн хуудас руу орж Кэти Дрэйкийн нэрийг хайлтны цонхонд бичив. Дэлгэцэн дээр телевизийн тоглолтын бүрэн жагсаалт нэг гэрэл зурагтай гарч ирлээ. Дух руу нь унжсан бараан өнгийн туг үс хагас аньсан нүдийг нь бага зэрэг халхалсан, зузаавтар уруултай залуухан харагдах энэ эмэгтэйг Фостерын өнөө өглөө харсан зэрэмдэглэсэн цогцостой харьцуулахын аргагүй байв. Салсан нөхрийнх нь хэлснээр тэр үнэхээр гоо үзэсгэлэнтэй байжээ.
Энэ бол Тайзны урлагийн Рояал Академийн нэг бяцxан блог ажээ. Кэти энэ блогт бүртгүүлсэн байжээ. Фостер маргааш өглөө Академийн архивт очиж шалгаж үзэхээр тэмдэглэж авлаа. Түүний ажил мэргэжлийн товч намтарт (СV) өнгөрсөн хориод жилийн Их Британы олны танил телевизийн нэвтрүүлгийн нэрсийн жагсаалт, түүний дотор удаан үргэлжилдэг, бодит үнэнийг гажуудуулсан, уянгын халил ихтэй цагдаагийн тухай олон ангит киноны нэр байлаа. Киноны танил хөгжмийг сонсох үед Фостерийн шилэн хүзүүнийх нь үс босоод ирэх шиг болдог ажээ. Кэти энэ киноны хоёр ч туслах дүрд арваас илүү жил дуу оруулсан байжээ. Киног бүтээгчид уг киног үзэгчдийн санаанд хүртэл хийж чадаагүй билээ.
Фостер гэдэргээ налж суугаад нүдээ нухаллаа. Тэр Наомиг эрж олох ажлыг хурдан эхлүүлэхийн тулд өглөө эрт зургаан цагт ажил руугаа явахыг хүсжээ. Кэти Дрэйкийн тухай мэдэж байгаа бүх мэдээллийг Фостер эрэмбэ дараатай бодож эхэллээ.
Энэ жүжигчин эмэгтэй анхны боломж гарангуут төрөлх хотоо орхин Лондонд ирж санасныг бодвол хурдан ажил олжээ. Театрын тайз, телевизийн студид тогтмол ажилтай болж, түүний мөрөөдөл биелж байжээ. Дараа нь Кэти охинтой болж, нэг хэсэг нам гүм суусан ч удалгүй ажилдаа эргэж орсон. Гэвч нөхөртөө хаягдсаны дараа түүний бүх мөрөөдөл хумхийн тоос мэт хоромхон зуур үгүй болж, тэр дахин сэхэж чадсангүй. Ганц охин нь амь амьдрал нь болсон Кэти өмнөх боломжуудаа алдсандаа гутарч шаналдаг байжээ. Тэр зовлон шаналлаа мартахыг оролдон ууж эхэлснээр өөрийгөө бусдаас тусгаарласан байна.
Фостер дарстай хундагаа харлаа. Арван дөрөвтэй охин түүний энэ зуршлын талаар өдрийн тэмдэглэлдээ юу бичих байсан бол гэж тэр өөрөөсөө асуув.
Охин нь арван хоёрдугаар сард арван таван нас хүрнэ. Тэр охиноо төрөхөд дэргэд нь байгаагүй болохоор төрсөн өдрийг нь яг таг мэддэггүй. Тэр үед Фостер гэртээ бараг байдаггүй байсан болохоор Линда энэ бүхнээс залхаж аль хэдийн явчихсан байжээ. Мөрдөгчийн ажил бол өөрийнх нь хийх ёстой ажил гэж Фостер түүнд учирлахыг оролдсон боловч бүтэлгүйтжээ. Линда түүнийг сонсохыг хүсээгүй бөгөөд энд байснаас хүүхдээ ганцаараа өсгөсөн дээр гэж хэлэхэд нь зүрхийг нь хутгаар сийчиж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ Фостер Линдад уурлаж чадаагүй. Тэр Линдаг маш их гомдоосон, ялангуяа жирэмсэн гэдгээ мэдээд хүүхдээ тээхээр шийдсэн байхад нь Фостер өөр шийдвэр гаргуулахыг оролджээ. Фостер хамгийн сүүлд арван жилийн өмнө тэднийг Эдинбургт төрөл төрөгсдийнхөө ойролцоо амьдарч байгаа гэж дуулжээ. Одоо тэд хаана байгааг Фостер мэдэхгүй. Тэр Линдаг охинтойгоо аз жаргалтай байгаа гэдэгт найдаж суудаг билээ.
Фостер хундагаа хоослонгоо бүх юм хувь тавилангаараа болсон гэж бодлоо. Кэти Дрэйкийн хувьд алдсан итгэл найдвар, уйтгар гуниг, үүрдийн харамслаас өөр юу ч үлдсэнгүй. Тэр урьдын дурсамжаа орхиж, xэргийн талаар бодохыг оролдсон боловч толгой нь өвдөж бодлоо төвлөрүүлж чадсангүй. Цаг дөнгөж арван хоёр өнгөрч байхад их ядарсан байх чинь гэж Фостер бодсоноо галын өрөөний гэрлийг унтрааж, ор луугаа очихоор шатаар өгсөв.
Тэр анх удаа Карл Хоггийн царайг зүүдэндээ харалгүй нам унтлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:33 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 6:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
4


Хангалуун орчинд амьдарч байсан арван хэдтэй, эрүүл саруул, шаргал үстэй хөөрхөн охин сураггүй алга болж, царайлаг жүжигчин эх нь ( архив дахь зурагнууд) зэрлэгээр алагдсан байна. Бараг сая орчим адилхан байшингууд дундаас тэдний байшинд ийм хэрэг болж өнгөрчээ. Энэ дээрэм байгаагүй. Олон нийт цочирдон, үймэлдэж байлаа. Товчxондоо, олны дунд тархсан шуугианд болгоомжтой ханддаг зарим сонины редакцууд хүртэл хамгийн боломжтой гэсэн таамаглалуудыг дэвшүүлж байлаа. Их Британы хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг нягталж шалгахгүйгээр нийтэлж байв. Фостерын өчигдөр интернэт дээр харсан хохирогчийн гэрэл зургийг одоо бүх сонин, сэтгүүлийн эхний нүүрэн дээр нийтэлж, зурагтын мэдээний суваг бүр эфирээр гаргана. Гэмт хэрэг гарсан гудамжны үзүүрт тоног төхөөрөмжтэйгөө ирсэн уруул өнгөлөгч гялалзуулж үсээ нямбайлан зассан оддын сурвалжлагч нар дурангийн өмнө тээнэгэлзсэн байртай зогсоцгооно.
Хэвлэл мэдээллийнхэн энэ бүх шоугаа олон нийтэд тарааж байх үед Цагдаагийн газрын дарга Браин Харрис мөрдөх ажиллагааг өөрийн биеэр удирдахаар болж Фостер, Вилльямс, Клинтон нарын хэдэн мөрдөгчдийг дуудуулжээ. Фостер гутлаа дааж ядах мэт чирсээр өрөөнд орж ирэн, хүмүүсийн анхаарлын төвөөс холхон байхыг хичээж тэднийг мэндлэхэд чихнийхээ хажуугаар өнгөрөөж байлаа. Хэдийгээр Харрис ядарч царай нь цонхийсон байсан ч их шийдэмгий харагдана. Тэр бидэнд зориулж ямар төлөвлөгөө гаргасан нь сонин байна шүү гэж дотроо хошигнож зогссон Фостер Сузи Дансоны орж ирэхийг хараад бодол нь тасалдав. Энэ эмэгтэй урьд нь шүүх эмнэлгийн сэтгэл судлаач байсан бөгөөд одоо сэтгэл судлалын багшаар ажилладаг болсон. Фостер түүнийг хараад урьдын үйл явдлыг саналаа. Тэр Сузи Дансоныг дөрөв таван жилийн өмнө хамгийн сүүлд харсан боловч өнгөрсөн хугацаанд тэр огт өөрчлөгдөөгүй ажээ.
Сузи ухаалаг цайвар цэнхэр нүдээрээ ширүүн харж, нөгөө л шаргал өнгөөр будсан үс, гал улаан уруулын будагтайгаа харагдана. Гүн ухлаадастай цамцан дээрээ бариу хөх пальто өмсчээ. Фостер түүнийг эрүүгийн хэрэг мөрдөгчийн ширүүн төрхөө өөрчлөн, илтгэл лекц тавьж их мөнгө олдог, бичгийн хүн шиг харагдана гэж төсөөлж байжээ.
Харрис Сузиг дагуулан хүмүүстэй танилцуулахдаа хатан хааныг хөл бөмбөгийн багтай уулзуулж байгаа мэт сүртэй загнана. Тэр Сузитэй эгнэн зогссон хүмүүсийн урдуур явахдаа гараа нуруун дээр нь тавьчихсан харагдав. Тэд эгнээний сүүлд зогсож байсан Фостерын дэргэд ирэхэд Харрис
- Ахлах мөрдөгч Грант ... гэтэл Сузи түүнд туслах гэсэн
бололтой
- Бид бие биенээ сайн мэднэ гэж хэлээд Фостер луу нүүр дүүрэн инээмсэглэв.
- Сонин юу байна, Грант?
- Би сайн байгаа. Чи сайхан харагдаж байна гэж Фостер хариулаад Сузитэй гар барилцав.
- Би чиний талаар сонссон. Эмэгтэйн албаны мэт царайны төрх өөрчлөгдөж одоо санаа тавьсан шинжтэй болжээ. Тэр зөвхөн мэргэжлийн үүднээс ингэж хандсан уу үгүй юу гэдгийг Фостер ялгаж салгаж чадсангүй.
- Сузиг мэргэжилдээ хамгийн сайн нь болохоор би түүнийг мөрдөх ажилд оролцуулж байгаа юм гэж Харрис тайлбарлаад
- Тэр хэргийн газар очсныхоо дараа хавтаст хэрэг, задлан шинжилгээний дүгнэлттэй танилцаж, мөрдөх ажиллагааг эрчимжүүлэхэд туслахаар болсон.
Фостер дотроо энэ чинь харин болж байна гэж бодлоо. Сузи Дансонтой танилцаж, хамт ажиллахаасаа өмнө тэр бүх юманд мэргэжлийн үүднээс хандах гэж муйхарладаг байжээ. Харин Сузигийн нөлөөн доор энэ арга барил нь буруу гэдгийг мэдэж авсан билээ. Харрис Сузи руу толгой дохин харлаа. Сузи хавтаст хэргийг авч урдаа тавиад харцаа өргөн өрөөг хэсүүчлэн ажиглав.
- Ноёд оо. Болсон үйл явдлыг би зөвхөн бага зэрэг харж судалсны үндсэн дээр үүнийг хэлж байгаа гэдгийг та бүхэн ойлгоно биз. Надад одоо та нарын хийж чадах бас хийхийг хүсэж байгаа ч байж магадгүй хэдэн санал байна. Би сүүлд та нарт сайтар тунгаан бодсныхоо дараа ажилд хэрэг болох зөвлөлгөө өгөхийг хичээх болно. Гэхдээ та бүхэн миний нэг адил одоогийн нөхцөл байдалд зоримог шийдвэр гаргах нь чухал гэдгийг сайн ойлгож байгаа. Сузи урдаа тавьсан хавтас руу харж гараа атгалан хэсэг дуугүй зогсов.
- Энэ алуурчин эрс шийдэмгий, тооцоотой, яаж ажиллахаа мэддэг хүн байна. Энэ бол уурын мунхагаас болж үйлдсэн хэрэг биш. Хэргийг гэнэт санаандгүй үйлдээгүй, урьдчилан төлөвлөсөн байжээ. Кэти Дрэйк бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй. Алуурчин хохирогчийг айлган сүрдүүлж хувцсыг нь тайлуулаагүй, амьд байхад болон үхсэн хойно нь ч дэргэд нь гар хангалга хийгээгүй зэргээс харахад хохирогч бэлгийн хүчирхийллийн золиос болсон гэх үндэслэл алга байна. Гэхдээ хохирогч эмэгтэйн өмссөн хувцаснууд, мөн тэр хүнийг гэртээ оруулснаас харвал түүнд тэр эрэгтэй таалагдаж байжээ. Эмэгтэй тэр эрэгтэйг хүсэмжилж байсан. Миний бодлоор сэжигтэн гучин хэдээс дөчин нэг хоёр орчим настай бие хаа сайтай залуу эр байсан. Энэ хүний хүсэж байсан хүн нь Наоми байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тэр Наомигийн биеийг эзэмдэхийг хүссэн. Эхийнх нь сэтгэл санаа тогтворгүй байгааг мэдсэн тэр эхтэй нь нөхөрлөж чадвал Наомиг хулгайлахад дөхөм болно гэж бодсон.
Хэн ч дуугарсангүй. Сузи олны өмнө ганцаараа бусдад иймэрхүү заавар зөвлөлгөө өгөөд зогсох дургүй байгаа гэдгийг Фостер мэдэж байлаа. Судалгааных нь дүнг тэд хоорондоо хэлэлцэн ярилцаж, санал бодлоо хэлээсэй гэж тэр хүсэж байгаа.
- Тэгвэл тэр яагаад Кэтиг алсан юм бэ? Тэр Наомиг зүгээр л хулгайлж чадах байсан биш гэж үү? Ихэнх насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид зорилгодоо хүрэхийн тулд хүн алаад байдаггүй гэж Фостер асуув.
- Сайн харсан байна гэж Сузи толгой дохин хэллээ.
- Чиний хэлснээр энэ нөхцөл байдалд тохирохгүй байгааг би ажигласан. Гэхдээ зарим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид маш харгис түрэмгий байдаг. Магадгүй тэр Наомиг ганцxан гэрээс нь л хулгайлж авч чадна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Арван дөрөвтэй охиныг гудамжинд зүгээр шүүрч аваад явчихаж чадахгүй. Энэ харин охиныг сайн таньдаг тохиолдолд л боломжтой. Тэр эхийнх нь толгойг эргүүлбэл Наомиг ирэх үед гэрт нь байж чадна гэж тооцоолсон гэж би бодож байна. Тэгээд Наомиг хулгайлах үед эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлж эхийнх нь амыг барьсан байж болно.
- Бид ямархуу эрэгтэй хүн хайх хэрэгтэй гэж чи бодож
байна? гэж Харрис асуулаа.
- Энэ хүн бол эмэгтэйчүүдтэй харьцах тал дээр их туршлагатай. Миний бодлоор тэр дундаас дээш боловсролтой байх. Тэр арван нэгээс арван тавтай өсвөр насны охидыг сонирхдог. Та нар энэ насны охидыг бэлгийн харьцаанд уруу татсан, хүчирхийлсэн хэрэгт холбогдож байсан эрчүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бас найз хүүхнийхээ охиныг, эсвэл төрсөн охиноо хүчирхийлж байсан хүмүүсийг шалга. Эхлээд гэрийнх нь ойр орчинг, дараа нь эрлийн хүрээгээ тэл. Алуурчин машин жолооддог гэдгийг та нарт бас сануулмаар байна. Тэр эрүүл чийрэг, хүч тэнхээтэй. Дараа би цаг гарган дахин ирж та нарт олж мэдсэн зүйлээ хэлж өгөх болно.
- Баярлалаа, Сузи. Бидэнд маш хэрэгтэй зөвлөлгөө байлаа гэж Харрис хэллээ. Тэнд байсан хүмүүс санал нэгтэй байгаа бололтой ам амандаа бувтнацгааж байв.
Сузигийн уруулан дээр хальт инээмсэглэл тодорсноо тэр дороо алга болчихов.
- Гэмт хэрэгтэнд олон нийтийн сүлжээг ашиглан хандах нь зүйтэй гэж чи бодож байна уу? Би Наомигийн эцэгтэй энэ талаар ярилцсан юм гэж Фостер асуулаа.
- Энэ асуудлаа та нар өөрсдөө шийд. Зарим насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгчид хохирогчийн гэр бүлийнхэн хичнээн их шаналж байгааг хараад буруугаа хүлээдэг талтай. Гэхдээ чи гэмт хэрэгтэнтэй муур хулгана болж тоглох хэрэг ч гарч магадгүй гэж Сузиг хэлсэнд Харрис үгийг нь тосон авч
- Санал нэг байна. Эхлээд гэмт хэрэгтний амьсгааг жаахан давчдуулъя гэлээ. Харрисын ойр хавьд байсан хүмүүс толгой дохиж харагдана.
- Би харин санал нийлэхгүй байна. Охин одоо ч амьд байж магадгүй. Түүнийг хурдан олохын тулд олон нийтийг бидний нүд чих болгох нь чухал байна гэж Фостер хэлэв.
Харрис дуугаа хурааж хэсэг зогссоноо
- Энэ талаар дараа эргээд ярилцана. Юуны өмнө олон
нийтийн сүлжээгээр зарлахаа нэг өдрөөр хойшлуулъя гэлээ.
- Чинийхээр болъё. Гэхдээ Фостерын хэлснийг би давтан хэлмээр байна. Охиныг аль болох хурдан олох нь чухал. Хэрэв бид хурдан арга хэмжээ авахгүй бол иймэрхүү тохиолдолд охин үхнэ гэдгийг чи мэдэж байгаа. Ийм хэрэгт аз жаргалтай төгсгөл маш ховор байдгийг бид бүгд мэднэ.
Наомигоос хүртэх зүйлээ хангалттай авсны дараа гэмт хэрэгтэн түүнийг заавал алах болно. Одоогоор охиныг алчихаагүй байгаа гэж үзвэл бидэнд ердөө дөрөвхөн хоног л байна. Хэрвээ энэ хооронд амжиж охиныг олохгүй бол бид түүний цогцсыг л олох болно гэж Сузи хэлэв.

Уулзалтын дараа Харрис Фостерыг түр үлдэхийг хүсэв.
- Чи надаас нэг кофе авах өртэй байх аа гэж Фостер гарахаар явж байсан Сузигийн араас хэллээ.
- Би үүнийг мартаагүй байгаа гэж хариулаад тэр гарч явав.
Харрис очиж хаалгыг хаагаад
- Ажилдаа эргэж орох ямар байна, Грант? гэж асуулаа.
- Сайхан байна. Санасныг бодвол ажлаа эхлэхэд нилээд яггүй хэрэг таарлаа.
- Тийм шүү. Хэцүү хэрэг. Гэхдээ энэ хэргийг гарах үед энд байгаа чинь сайн хэрэг шүү. Тэр надад жаахан зулгуйдаж байна гэдэг чинь сайн юмны дохио биш гэж Фостер бодоод
- Намайг үнэлж байгааг чинь сонсоход таатай байна гэлээ.
- Ажилд орохын чинь өмнө мэргэжилтнүүдийн гаргасан сорилтын үнэлгээг чи санаж байна юу?
Тэр талаар намайг санаж байна уу гэж байгаа юм байх даа? Тийм юмыг мартана гэж тэр яаж бодож чадав аа? Эмчилгээ хийлгэснээс хойш гурван сарын дараа Фостер ажилдаа эргэж орохоор шийджээ. Фостерын хувьд энэ шалгуурыг давахаас тархины мэс засалд орох нь хамаагүй амархан юм шиг санагджээ. Хамгийн түрүүнд тэр Цагдаагийн корпусын эмч, овгийн нэр нь маш урт тавь гарсан эмэгтэйтэй танилцах хэрэг гарчээ. Фостер харах бүрт эмээж цэрвэх сэтгэл төрүүлэм сургуулийн багшийн төрхтэй, эмч өвчтний харьцааг хатуу чанд баримталдаг тэр эмчтэй хоёр удаа нүүр тулсны дараа төлөвлөлтийн албаны хэдэн ажилтан, Харрис нартай уулзжээ. Фостер нөхөн сэргээх эмчилгээний эмчээс гадна бас нэг залуухан эмч дээр очтол уушиг зүрхийг нь чагнаж, цээжийг нь тогшиж үзсэнээ ямар ч шаардлагагүй байхад дотуур үзлэг нэрийдлээр бээлийтэй хуруугаа бөгс рүү нь шургуулжээ. Дараа нь сэтгэл зүйн үнэлгээ өгөх үүрэг бүхий гуч орчим насны шаргал үстэй нэг эмэгтэй түүнийг сэтгэл судлаач эмч руу явуулсан байна. Фостер тийшээ сар болгон нэг удаа очих хэрэгтэй байсан бөгөөд ганцxан тэр эмч л түүнд жаахан туслах шиг санагджээ.
Бүх шалгуурыг давсны дараа тэр цагдаагийн корпусын эмч дээр буцаж ирлээ. Эмэгтэй нүдний шилнийхээ бариулыг амандаа зуун хэсэг дуугүй сууснаа Фостерыг ажилдаа орох гэж яарах хэрэггүй, эхлээд Харрогэйтэд байдаг цагдаагийн ажилтан нарт зориулсан сувиллын газар очсон нь дээр гэж зөвлөдөг байна шүү. Фостер ная гарч бөгсөө арчиж чадахгүй болсон үедээ тэр газарт чинь очъё гэж хариулсныхаа үр дүнд бусдад дайсагнасан шинж агуулж байгаагаас үзэхэд гэмтлийн дараахь стресс синдромын анхны шинж тэмдэг илэрсэн гэдэг шалтгаанаар хоёр дахь дүгнэлт гаргуулахаар түүнийг өөр нэг сэтгэл зүйч рүү явуулах нь тэр. Дараа нь тэр Харристай уулзахад ажилдаа хурдан эргэж орохыг хүсэж байвал мэргэжилтний эцсийн дүгнэлт гаргаж, ажиллах зөвшөөрөл гаргах хүнтэй харьцахдаа ааш араншиндаа жаахан анхаар, уурлаж болохгүй гэж зөвлөжээ.
Хоёр дахь дүгнэлт гаргах явц урьдчилан төлөвлөсөн мэт эхний үетэй яг адилхан шат дараалан болж өнгөрсний эцэст Фостерыг ажилдаа эргэн ороход бэлэн гэсэн шийдвэр гаргасан билээ. Дүгнэлт гарсны дараа Фостер хүний нөөцийн хэлтсийн нэг уйтгартай эмэгтэйтэй "ажлаа дахин эхлэх төлөвлөгөө" гэгчийн талаар хэдэн цагийн турш ярилцах хэрэг гарав. Фостер эмэгтэйд энэ төлөвлөгөө гэгч нь зөвхөн "ажлаа дахин эхлэх" үед л хамааралтай гэж ойлгуулахыг хичээн их л хүлээцтэй хандахыг оролдсонд нөгөө эмэгтэй нь урд нь нэг яншаа амьтан байгаа мэт толгойгоо аажуухан сэгсэрч суулаа. Иймээс тэр ажилдаа л орж байвал бусад нь хамаагүй гэж бодоод бүх үзлэгийн дүгнэлт, шинжилгээний хариу, "үндсэн төлөвлөгөө"-г дурьдах үед зөвхөн "тийм" эсвэл "Амен" гэж хэлж суужээ. Энэ бүхний үр дүнд тэр ажилдаа эргэн орж чадсан байна. Гэрт нь ажилд орох зөвшөөрөл бүхий захидал ирэхэд Фостер зөвхөн сар өдрийг нь харчихаад дотор нь бичсэн ажиллах үеийн нөхцөл, "үндсэн төлөвлөгөө" зэрэг зүйлд анхаарлаа хандуулаагүй ажээ.
- Бага зэрэг санаж байна гэж Фостер хэлэв. Фостерын өгсөн хариуд Харрисын хоолой ёжилсон шинжтэй болж
- Чамайг ажилд чинь хурдан оруулахын тулд бид ажиллах цагийг чинь богиносгох нөхцөл оруулсан. Бид чамайг хагас жилийн турш долоо хоногт дөчин таваас илүү цагаар ажиллахгүй байхаар тогтож шийдвэр гаргасан гэлээ. Энэ талаар мэдэж байсан Фостер
- Тийм ээ, би өдөрт есөн цагаас хэтрүүлэхгүй ажиллах ёстой гэж хэлэв.
- Өчигдөр чи хэдэн цаг ажилласан бэ? Фостер хөмсгөө атируулан Харрис үүнийг үнэхээр асууж байна гэж үү? Тэр одоо яах гээд байгаа юм бол? гэж бодов.
- Энэ одоо тийм ч хэцүү асуулт биш юм шиг санагдах юм, Грант. Өчигдөр чи хэдэн цаг ажилласан бэ?
Фостер өглөө эрт дөрвөн цагт босож, орой шөнө дунд болох гэж байхад гэртээ иржээ. Хувцас хунараа сольж өмссөн, гэр лүүгээ ирж очсон хугацаа нийлээд нэг цаг орчим болж байв.
- Арван есөн цаг орчим юм байна.
- Тэгэхээр чи арван цаг илүү ажилласан болж таарах нь дээ.
Фостер тайлбар тавих гэсэн боловч чадсангүй. Үг хэлэх гэснээ хуурай газарт гарсан загас шиг амаа хий дэмий ангалзуулав.
Харрис үнэхээр ингэж хэллээ гэж үү дээ? Түүний хэлсэн үгийг Фостер дахин бодож үзснээ тийм ээ, тэр үнэхээр
хэлжээ гэж бодлоо.
- Брайн, чи жинхэнээсээ ингэж хэллээ гэж үү? Нэг эмэгтэй алагдаж, охин нь хулгайлагдчихаад байна. Би жижүүртэй байсан учир хэргийн газар дээр очсон. Өө, миний цайны цаг болчихжээ, гэртээ харилаа гээд би хамаг ажлаа зуун задгай хаячихаад явах ёстой байсан гэж үү?
- Чамд тогтоож өгсөн "үндсэн төлөвлөгөө" байгаа ...
- Үндсэн төлөвлөгөө гэнэ ээ? Би бол мөрдөгч. Би энэ хэргийг яаралтай мөрдөж, гэмт хэрэгтнийг олж, өргөст торны цаана суулгах ёстой. Арван дөрвөн настай охин алга болчихоод байна, тэр үхсэн ч байж магадгүй. Чи намайг энэ бүхэнд санаа зовохгүй, цагдаагийн ажлын талаар ямар ч ойлголтгүй тэр новшийн хүнд сурталтнуудын гаргасан дүрэм журмыг дагаж мөрдөнө гэж бодоогүй биз дээ?
- Би тэр цагийн хуваарийг гаргахад бас оролцсон юм шүү гэж Харрис дуугаа өндөрсгөн хэллээ. Фостер ташаа тулж зогсоод, толгойгоо сэгсчин би энэ бүх галзуурмаар юмны хаанаас нь эхлэх ёстой юм бол? гэж бодов. Харрис амьсгалаа гүн авснаа үргэлжлүүлэн
- Хэлтсийн ажлын хувьд юу хийхээ би шийддэг ч Лондонгийн оршин суугчид, цагдаагийн ажилтнуудын төлөө, бас чиний төлөө ч гэсэн би санаа тавих ёстой гэлээ.
- Наоми Бэкингэмийн төлөө юу хийвэл дээр гэж чи бодож байна даа? Харрис царайгаа аль болох төв байлгахыг хичээн
- Энэ асуудалд чи оролцсоны хэрэггүй, Грант. Энэ хэрэг дээр хоёр мөрдөгч бүтэн цагаар ажиллана. Бас би мөрдлөгийн ажлыг удирдаж байна. Хэрвээ охин амьд байгаа бол бид түүнийг заавал олох болно. Чи бидэнтэй цуг ажиллаж болох ч ажлаа дахин эхлэх үндсэн төлөвлөгөөг дагаж мөрдөх ёстой.
Хэрэв би энэ "үндсэн төлөвлөгөө" гэдэг үгийг дахиж сонсох юм бол энэ цонхоор зүгээр л үсэрчихье гэж Фостер бодоод нүүрээ хальт шувтарлаа.
- Чи эмчилгээгээ хоёр удаа тасалсан байна лээ. Чи тийшээ
заавал явах ёстой. Эмчилгээнд очих дараагийн өдөр хэзээ вэ?
- Маргааш үдээс хойш таван цагт.
- Чи тийшээ очно шүү. Бид чамгүйгээр өөрсдийгөө аргалчихна. Чамайг өөртөө илүү анхаарал тавьж, хурдан хуучин хэвэндээ ороосой гэж бид хүсэж байна.
Фостерт энэ бүхэн яршигтай санагдаж дэмий л толгой сэгсэрлээ. Хамгийн сүүлд түүнийг долоотой байхад нь эмээ нь нас барсан үед хэн нэгэн түүнд анхаарал хандуулж, санаа тавьж байжээ. Ахлах комиссар одоо тэр алга болсон охины оронд миний ухаан санаа эрүүл саруул байгаа эсэхэд санаа тавиад байгаа юм байх даа? Ингэхэд одоо бүгд галзуурчихсан юм шиг бид ямар гээчийн ертөнцөд амьдраад байна аа? гэж Фостер дотроо уурсан бодов.
- За яахав, тэгэхлээр өнөөдөр яах төлөвлөгөөтэй байна даа? гэж Фостер дахин өөрийнх нь талаар ярихаас зайлсxийж асуулаа.
- Хорин таван километрийн доторхи бүх насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэгч, садар самуун явдалтай хүмүүсийг бид эрэн сурвалжилж байцаах болно. Энэ сайхан ажлыг би чамд даалгаж чадахгүй нь. Түүний оронд чи хохирогчийн талаар мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Би чамайг тэр сайн үйлсийн төлөө дэлгүүр лүү очиж, Кэти Дрэйктэй хамт ажиллаж байсан хүмүүстэй уулзаж ярилцаасай гэж хүсэж байна. Аль болох их мэдээлэл олж авахыг хичээгээрэй. Шинжээчдийн тасгаас бид нэг эерэг мэдээ сонссон. Тэд Кэти Дрэйкийн хувцсан дээрээс хүний үс олсон гэнэ. Үсний урт богиноос харахад эрэгтэй хүнийх байх магадлалтай гэж тэд үзэж байна. Кэтид ямар найз залуучууд байсныг чи тодруулах хэрэгтэй. Үсийг тэд одоогоор шинжилж байгаа. Өдрийн сүүлээр би илүү юм олж сонсоно гэж найдаж байна. Шинжээчдийн тасгаас чамтай холбоо бариулах талаар би санаа тавих болно.
- Тэднийг битгий оройт гэж хэлээрэй. Миний ажлын "үндсэн төлөвлөгөө" ёсоор оройн ес болчихвол намайг унтаж амрахаар халуун шоколадаа ууж, хөл дулаацуулах
оймсоо өмсөөд орондоо орчихсон байна гэж хэлнэ биз.

Хадер Чэмберлин Өргөн чөлөөнд байдаг сайн үйлсийн дэлгүүрийн урд тавьсан машин дотроо Фостерыг хүлээгээд сууж байлаа. Кенсал Райсыг хөндлөн огтолж гардаг энэ гудамжны эргэн тойрныг хэдийгээр тордож янзалсан харагдах ч танхайчууд цуглардаг аюултай газруудын нэгд ордог ажээ.
Фостер машинаа замын эсрэг талд тавиад Хадерын Saab маркын цоо шинэ машин руу очлоо. Дуслах төдий байсан бороо ширүүн салхины эрчинд шаагин орж эхлэв. Фостер урд талын зорчигчийн суудал дээр суугаад тойруулан харж, машины шинэхэн үнэрийг үнэрлэв.
- Сайхан эд байна. Мэдээж тушаал дэвшсэндээ баяртай байгаа биз дээ? гэж Фостер хэлсэнд Хадер хариу инээмсэглээд
- Би өөрийгөө урамшуулахад буруудаад байх юмгүй гэж бодсон юм гэлээ.
- Тэгэлгүй яахав. Эхийг чинь нас барсан гэж би сонссон. Чи яагаад надад дуулгаагүй юм бэ?
- Чи тэр үед дөнгөж эдгэрч эхэлж байсан. Хувийн асуудлаар чамайг зовоохыг би хүсээгүй юм.
- Чи надад дуулгах хэрэгтэй байсан юм. Гэхдээ энэ өнгөрсөн асуудал. Чамд их хэцүү байсан гэдгийг би ойлгож байна. Одоо чи ямаршуухан байна?
- Бүгд хэвийн гэж би үнэндээ хэлж чадахгүй нь гэж Хадер хэлэв.
Фостер цонх даган урсах борооны усыг харж хэсэг дуугүй сууснаа
- Эхийн чинь үхэл чамд хүнд туссан нь мэдээж. Чамайг тээж төрүүлсэн тэр эмэгтэй гэнэт байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч, эвлэрч амьдарна гэдэг хэцүү. Тэглээ ч гэсэн чи нөхцөл байдалд дасаж сурах хэрэгтэй. Царай алдаж, нүүр нь цонхийсон Хадер толгой дохиод
- Санал нэг байна гэж хэлэв. Харцанд нь гомдол цөхрөл, уур хилэн илэрч, нүдийг нь тойроод үрчлээ суусан харагдана.
- Гэхдээ чиний бүх юм чи зүгээр биз дээ? Хадер дахин инээмсэглэсэн боловч тийм биш гэдэг нь Фостерт илхэн байлаа.
- Надад жаахан гунигтай байна. Болж өнгөрсөн бүхэн толгойд байнга эргэлдээд өөртөө их гутардаг. Би өөрийгөө ингэж их сэтгэлээр унана гэж ёстой бодож байсангүй. Өөртөө итгэлтэй байхад минь дэм болдог гол түшиг тулгуураа алдчихсан юм шиг надад санагдаад байна. Үнэнийг хэлэхэд эргэн тойронд минь болж байгаа юмс огт сонин биш болчихжээ.
Фостер уул нь Харрис өөрт нь нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хандсан талаар Хадерт гомдолломоор байсан ч түүний гуньж гутарсан байдлыг хараад болихоор шийдлээ. Хадер одоо алдсан итгэл найдвараа эргүүлж олж авах нь чухал. Фостер өөрөө энэ бүхэнд олон жил зарцуулсан болохоор түүнийг сайн ойлгож байлаа. Хадерыг өвчтэй гэж мэдэгдээд хүч чадал, өөртөө итгэх итгэл найдвараа олж авахаар хаа нэг тийшээ яв гэж хэлмээр байв. Фостер бас "Над руу хар. Бүхнийг дотроо хадгалж шаналж явбал ямар болдгийн жишээ энд байна" гэж хэлэхийг хүсэж байсан ч тус болох нь юу л бол гэж бодлоо. Одоо түүнд тус болох юм бол ажлаас өөр юу ч биш гэдгийг Фостер сайн мэдэж байв. Бусдыг аюулаас авран хамгаалах энэ ажилд амьдралаа зориулах нь нөгөө талаар бас өөрийгөө авардаг билээ.
- Барнес та хоёр яасан бэ? Үерхэхээ больчихсон юм уу? Хадер толгой сэгсэрч
- Больчихсон. Гэхдээ энэ түүнээс болоогүй. Ээжийг нас барах үед надад шинэ харьцааны талаар бодох сөхөө байгаагүй. Хуучин найз залуу маань миний гашуудлыг хуваалцахаар холбоо барьсан юм. Тэгэхэд юу болсныг би үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Намайг илүү сайн мэддэг, итгэлтэй хүний өмөг түшиг хэрэгтэй бaйсан гэмээр юм уу ... гээд цааш ярьж чадсангүй. Хийсэн зүйлдээ хичнээн их харамсан шаналж байгааг нь ойлгосон Фостер
- Өчигдөр би чамайг Барнес руу явуулах хэрэггүй байжээ. Би буруу шийдвэр гаргасан бололтой гэлээ.
- Үгүй дээ, харин ч би чамд баярласан шүү. Би буруу юм хийсэн ч гэсэн тэр намайг ойлгох шиг болсон. Тэр их сайн хүн байгаа юм гэж хэлээд Хадер цонхоор харав. Бид найз нөхдийн хүрээнд хангалттай бурцгаалаа гэж Фостер бодсноо
- За алив, ажлаа эхэлцгээе гэж хэлээд машинаас бууж дэлгүүр лүү алхлаа. Фостер хаалгыг түлхэн онгойлгоход дэлгүүр дотор хонх жингэнэн дуугарав. Дэлгүүр өлгөөтэй хуучин хувцаснууд, ном, СД, хүүхдийн тоглоомоор дүүрэн ажээ. Нэг ч худалдан авагч харагдсангүй. Лангууны ард нэг нь дунд эргэм насны, нөгөө нь гуч орчим настай бололтой хоёр эмэгтэй хоорондоо ярилцан зогсоцгооно. Тэдний нэг хоёр мөрдөгчийг хүсээгүй зочид ороод ирсэн мэт хажигласан маягтай хальт харснаа харц нь өөрчлөгдөж нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Фостер тэдэнд үнэмлэхээ үзүүлж
- Өглөөний мэнд, хатагтай нар аа гэж мэндлэхэд эмэгтэйчүүд өөрсдийгөө танилцууллаа. Нас тогтсон эмэгтэйг Ивон, залуухан хатагтайг Моврин гэдэг ажээ.
- Бид энд Кэти Дрэйкийн хэргээр ирсэн.
- Та нарыг хэзээ ирэх юм бол гэж бид бие биенээсээ асууцгааж байлаа гэж Ивон нүдээ дүрлийлгэн хэллээ. Фостер тэд их цочирдсон байх гэж бодов.
- Энэ үнэхээр аймшигтай хэрэг. Маш аймаар. Бид бүр яахаа ч мэдэхгүй байна. Эхлээд өнөөдөр дэлгүүрээ хаая гэж ярилцаж байснаа Кэти үүнийг хүсэхгүй байсан гэж бодлоо.
- Тэр өнөөдөр ажиллах ёстой байсан юм уу? Нүүрээ зузаан будсан, гал улаан үстэй Моврин толгойгоо хурдан дохиод
- Даваа, лхагва гаригт бид гурвуулаа хамт ажилладаг байсан. Тэр хэрвээ амьд байсан бол өнөөдөр энд зогсож байх байлаа. Бидний хоёр нь худалдан авагчдад тусалж, нөгөө нь дэлгүүрийн ард ирсэн барааг Треворын тусламжтай ялгадаг юм. Кэти өнөөдөр бараа ялгах ээлжтэй байсан. Бидэнд өөр хүн олж ажиллуулах хугацаа байсангүй! гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэв. Нүдэнд нь нулимс дүүрэн цийлэгнэж хэзээ хэзээгүй гингэнүүлэхэд бэлэн харагдахад Ивон түүнийг тэвэрч авлаа.
- Та нарт ус буцалгагч бий юу? гэж Хадер асууснаа
- Хаалганы гадна талд "Хаасан" гэсэн самбар өлгөчих. Би явж цай тавья гэлээ. Мовриныг зөвшөөрөн толгой дохисонд Ивон
- Тэнд ар талд гал тогооны хэсэг байгаа гэв. Моврин хаалга руу очиж самбар өлгөчихөөд дотроос нь түгжлээ.
- Өнгөрсөн даваа гаригт Кэти энд ажилласан уу? гэж Фостер асуусанд Ивон толгой дохив.
- Тийм ээ, зөвхөн үдээс өмнө, өглөөгүүр ажилласан. Тэр үдээс хойш Наомид зориулж бэлэг, бялуу авах байсан юм. Моврин, Тревор хоёр тэр өдөр байгаагүй. Кэти бид хоёр дэлгүүрт үйлчилж, Стеф ард бараа ялгасан. Стеф энд долоо хоногийн хэдэн өдөр ажилладаг юм.
- Тэр үед Кэти ямархуу ааш араншинтай байсан бэ?
- Энгийн хуучин байдаг шиг ээ байсан.
- Хуучин шиг ээ гэдгийг юу гэж ойлгож болох вэ?
- Худалдан авагчидтай энгийн эелдэг найрсгаар харьцаж, тэдэнд тусалсан. Жүжигчнээр ажиллаад амжилт олохоо больсон болохоор тэр "үлгэр дуусаж, амар сайхандаа жаргасан" гэдэг байсан. Миний бодлоор Кэти гэртээ зүгээр суулгүй олны дунд орж юм хийх дуртай байсан. Моврин яриан дундуур орж
- Тэр нэг удаа хүмүүст ямар ч ашиггүй хог зардаг, тэднийг хулхиддаг үйлдвэр компаниудыг сурталчилж байсныхаа хариуд би шийтгүүлж байгаа учраас энд ажиллаж байгаа юм гэж хошигнон хэлж байсан гэж хэлээд инээмсэглэв.
Хадер дөрвөн аягатай цай тавьсан тавиур барин орж ирээд кассны дэргэд лангуу дээр тавилаа. Фостер яриагаа үргэлжлүүлэн
- Тэгвэл та нарын бодлоор түүнд ямар нэг муу зүйл
тохиолдож магадгүй гэхээр юм ажиглагдаагүй гэсэн үг үү? Ямар нэг золгүй явдал ч юм уу? Хоёр эмэгтэй бие биен рүүгээ харав.
- Үгүй гэж Ивон хариулсанд
- Ёстой тийм юм ажиглагдаагүй гэж Моврин хэллээ.
- Кэти дотно харьцаатай хүнтэй байсан тухайгаа та нарт ярьж байсан уу? Хоёр эмэгтэй хоёулаа аянганд ниргүүлсэн мэт мэл гайхан харлаа.
- Тийм зүйлээс болсон гэж үү? Моврин Ивон хоёр бие биен рүүгээ харлаа.
- Моврин, чи энэ талаар юм мэдэх үү?
- Би юу ч мэдэхгүй гэж Моврин хариулснаа
- Би үнэндээ гайхаж байна. Тэр тоглоом болгож дандаа "Би Эрчүүдтэй хангалттай орооцолдсон. Шал дэмий. Эрчүүд бол шүдний өвчин л гэсэн үг" гэж хэлдэг байсан гэж хэлээд хоёр эмэгтэй инээлдлээ.
- Бид түүнийг их санах байх даа гэж Мовройн хэлээд нулимсаа арчив.
Фостер тэднийг цай ууж зуур түр дуугүй сууж байтал гэнэт хаалга цохих сонсогдов. Тэр эргэж харвал хаалганы цаана том биетэй, арзайсан үстэй нэг эр зогсож байлаа. Гуч орчим насны бага зэрэг гүзээ суусан тэр эр дотуураа цагаан цамцан дээр ноосон цамц давхарлаж, саарал өмд, юүдэнтэй хүрэм өмсжээ. Тэр хүн их цочирдсон харагдана.
- Өө, Тревор байна гэж Моврин хэлээд хаалга руу очиж нөгөө хүнийг дотогшоо орууллаа. Хэдийгээр гадаа бороо зогссон, дээр нь хөл арчдаг дэвсгэр байхгүй байсан ч тэр эр гутлаа шалан дээр хичээнгүйлэн үрсээр зогсоно.
- Сайн уу, Ивон гэж тэр ахимаг эмэгтэйтэй мэндлээд Хадер, Фостер хоёр луу харлаа.
- Тэд Кэтигээс болоод энд ирээ юү?
- Сайн, Тревор! Тийм ээ, тэд Кэтиг алсан хэргийг мөрдөж байгаа хүмүүс. Тревор Фостер луу харснаа
- Болдогсон бол би тэр муу новшийг өөрийн гараар
баримаар байна гэж царайгаа улайлган шүд зуун хэлэв.
- Ийм юм хийснийг харахад тэр араатан байхаас зайлахгүй. Бас охиныг аваад явсан байдаг гэж тэр нэмж хэллээ. Фостер түүнд өөрийгөө болон Хадерыг танилцуулав.
- Би гадуур хувцсаа өлгөөд, дараа нь ариун цэврийн өрөө рүү орчихоод эргээд ирье гэж тэр эр бувтнан хэлэв. Түүнийг яваад өгсний дараа Ивон хоёр мөрдөгч рүү ойртон
- Тревор бид нар шиг цалин авдаггүй мөртлөө энд бүтэн цагаар ажилладаг. Тэр жаахан асудалтай болохоор цалинтай ажил хийхэд тохирох хүн биш. Кэтитэй дотно сайн байсан болохоор түүнд их хэцүү байна байх.
- Ямар асуудалтай юм бэ? гэж Фостер шивнэн асуулаа.
- Тэр урьд нь конторын ажилтай байсан. Эх нь нас барсны дараа сэтгэцийн өвчтэй болсон гэсэн. Тэр эхтэйгээ их сайн харьцаатай байсан гэнэ лээ. Ажлаасаа гарсны дараа тэр дахиж өөр ажил орж чадаагүй. Ажлын чадвараа алдсан гэсэн тодорхойлолттой тэтгэмж авч энд бидэнтэй хамт цаг нөхцөөх болсон.
- Тэр бүтэн долоо хоног ажилладаг юм уу?
- Мягмар гаригаас бусад өдрүүдэд, Тэр уул нь бямба гаригт амардаг байснаа сольчихсон юм. Тревор буцаж ирэн
- Удсанд уучлаарай. Бас хоцорсонд уучлаарай. Новшийн нийтийн тээврийн автобуснаас боллоо гэж хэлээд санаа алдлаа.
- Зүгээр дээ, хонгор минь гэж Моврин хариу өгөн хэлээд
- Эд нар Кэтиг өнгөрсөн даваа гаригт ямархуу зантай байсныг асууж байна. Чи түүнээс ямар нэг онцгой юм ажиглаагүй биз?
- Үгүй. Юу ч ажиглаагүй. Тэр хуучин шигээ хөгжилтэй байсан. Наомигийн төрсөн өдөр байсан болохоор эцэст нь нэг юм охинтойгоо хамт байж чадах боллоо гэж байсан.
- Эцэст нь гэнэ ээ? Наоми тусдаа байсан юм уу? гэж Фостер асуулаа.
- Үгүй, үгүй. Арван дөрөвтэй охид ямар байдгийг та мэднэ
биз дээ? Тэд гэртээ тогтохгүй дандаа сэтгэл зовоож, найз охидтойгоо гадуур тэнэдэг шүү дээ. Фостер зөвшөөрөнгүй толгой дохилоо.
- Тэр ч бас үнэн шүү гэж Ивон хэлээд
- Би одоо саналаа. Кэти үдийн цайны үеэр нийтийн тээврээр Портобелло руу явж Наомид бэлэг авна гэж байсан гэлээ.
- Ямар бэлэг авна гэснийг та санаж байна уу? гэж Хадер асуув.
- Хувцаснууд. Миний сонсож байгаагүй нэг фирмийн нэр хэлж байсан. Бас гоо сайхны бүтээгдхүүн гэж хэлсэн санагдаж байна. Ивон дэлгүүрийн нэрсийг хэлж өгөхөд Хадер тэмдэглэж авлаа. Тэд Кэтиг тэр дэлгүүрүүдээр орсон эсэхийг дараа камерын бичлэгээс харахаар шийджээ.
- Дэлгүүрт үйлчлүүлж байсан хүмүүсээс Кэтиг сонирхож байсан эсэхийг та нар анзаараагүй биз? Эсвэл тэр худалдан авагчидтай ярилцдаг байсан ч юм уу? гэж Фостер асуув. Нөгөө гурав дуугаа хураан бодол болцгоолоо.
- Та нар одоо хэлэх хэрэггүй. Хэрэв анхаарал татахаар ч юм уу, онцын сонин биш санагдсан ч бай хамаагүй бидэнд даруй мэдэгдээрэй гэж Фостер хэлээд түрийвчнээс нэрийн хуудас гарган лангуун дээр тавив.
- Бид та нарыг энд байхгүй үед олж уулзахын тулд нэр, холбоо барих хаяг, утасны дугаарыг чинь авч болох уу?
Тэдний хэлж өгсөн хаяг дугаарыг Хадер хурдан тэмдэглэж авсны дараа Фостер тэр хоёр салах ёс гүйцэтгээд гарч явцгаалаа. Машин руугаа алхаж явах замд Хадер
- Тревор Викерс чамд ямар санагдав? гэж асуунгаа бичсэн тэмдэглэлээ харав.
Фостер түүний хэлснийг анзаарсангүй, дэлгүүрийн урд талд явган хүний зам дээр холхисоор байгаа хоёр хүн рүү харж байлаа. Тэдний нэг, үсээ арагш нь нямбай самнасан өндөр залуу гар утсаараа ярьсаар байх ажээ. Нөгөө ширүүн царайтай, мөрөндөө бичлэгийн камер үүрсэн залуу нь тамхи татаж харагдана. Хэвлэл мэдээллийнхэн гэдэг нь ойлгомжтой. Өндөр залуу Фостерыг харснаа утсаа чихнээсээ холдууллаа. Тэр залуу Фостерт танил санагдсан ч бүх сурвалжлагч нар адилхан харагддаг гэж бодов. Тэр залуу нүдээ анивчуулан энэ хөгшин мөрдөгч сайн үйлсийн дэлгүүрт юу хайж яваа юм бол, мөрдлөгийн ажлаар ирсэн үү эсвэл энд ямар нэг юм илрүүлсэн юм болов уу? гэж өөрөөсөө асууж байгаа бололтой харагдана. Юу дуртайгаа л хий гэж Фостер бодсноо
- Чи сая юу гэсэн бэ? гэж Хадераас асуусанд тэр асуултаа давтлаа.
- Тэр сэжигтний шинж тэмдэгтэй тохирч байна гэж Фостер хэлэв.
- Сэжигтний шинж тэмдгийг мэдэж байгаа юм уу?
- Тийм ээ, бидэнд Сузи Дансон гаргаж өгсөн юм.
- Сузи Дансон гэж хэн юм бэ?
- Ажлаа сайн мэддэг, алдаа бараг гаргадаггүй хүн байгаа юм аа. Тэр гэмт хэрэгтэн гучаас дөч орчим насны эрэгтэй хүн байгаа гэж хэлсэн. Бас Кэтиг таньдаг, түүний ойр орчныг сайн мэддэг, магадгүй урд нь өсвөр насны охидыг хүчиндсэн хэргээр шийтгүүлж байсан нэгэн гэсэн. Гэхдээ Сузи тэр хүнийг царайлаг гэж тодорхойлсон болохоор энэ Викерс яагаад ч таарахгүй гэдгийг чи бэлхэнээ харсан. Компьютерт нэрийг нь оруулж юм гарч ирэх эсэхийг мэдье. Миний машинд сууцгаая, чи утасдаад үз.
Тэд Фостерын машин орж суулаа. Хадер гар утсаараа мэдээллийн өрөө рүү залгахад энэ хооронд Фостер өөрийнхөө утсаар Харристай сүүлийн үеийн мэдээллийг солилцов. Тэд Кэтигийн Драмын урлагийн Рояал Академид бүртгүүлсэн гэрийн хаягийг тодруулбал Кентийнх биш харин Лондон хотын хаяг байжээ. Мөн түүний амьдарч байсан хэдэн хаягийг олж, Хаммерсмит дэх Иффлэй Өргөн чөлөөнд байдаг орон сууцанд амьдарч байсныг мэдсэн байна. Кэти Диел хотын дунд сургуульд сурч байжээ. Харамсалтай нь сурагчдыг төгссөнөөс хойш арван жилийн дараа архивын бүх мэдээллийг устгачихдаг учир тэндээс Кэтигийн тухай юу ч олж чадсангүй. Тэднийг хэдий чинээ гүнзгийрүүлэн ухна, Кэтигийн өнгөрсөн үеийн тухай мэдээлэл төдий чинээ нууцлаг тодорхой бус болж байв. Ер нь энэ бүхэн мөрдлөгт чухал юм болов уу? Одоо тодорхой байгаа юм гэвэл түүнийг үхэхийн өмнө амьдрал нь хэцүү болж хямралын байдалтай байсан гэдэг л байлаа.
Утсаар ярьж дууссан Хадерын сэтгэл хөдөлсөндөө ногоон нүд нь гялалзаж харагдана.
- Юу болсон бэ?
- Тревор Викeрсийн нэр бэлгийн донтонгуудын хавтаст бүртгэлтэй байдаг юм байна. 2006 онд компьютерт нь хүүхдүүдийн этгээд зурагнууд байсан учир тэр анхааруулга авч байсан гэнэ.
- Зөвхөн анхааруулга авсан юм уу?
- Хүүхдүүд ямартай ч сонин хачин хувцаснууд өмссөн, зураг авахад авсан байрлал нь анхаарал татахаар хэвийн бус, этгээд байсан гэнэ. Фостерын уур хүрч амаараа тургилав. Тэр иймэрхүү новшнуудыг доод тал нь таван жил хорих хэрэгтэй гэж үздэг билээ. Хувцастай ч бай, хувцасгүй ч бай тэр хүүхдүүд хүчинд автаж ашиглуулсан гэсэн үг.
- Компьютерт иймэрхүү зурагнууд хадгалах нь бусдыг хулгайлж, хүн алахаас нилээд том ялгаатай. Гэхдээ тэд нар ийм хэрэг хийх нь бас анх удаагийн тохиолдол биш гэж Фостер хэлэв.
- Ингээд зогсохгүй, энэ хэрэг гараад удаагүй байсан учраас протокол ёсоор тэр ДНК-гийн шинжилгээ өгсөн юм байна.
Бурхны минь аврал гэж Фостер бодоод
- Кэти өнгөрсөн даваа гаригт ажил дээрээ ямар хувцастай байсныг мэдэх хэрэгтэй. Түүний ноосон цамцан дээрээс олдсон үс магадгүй дэлгүүрт өлгөөтэй байсан хувцаснаас наалдсан байж болно. Хэрвээ тэр чухал болзоондоо цэвэрхэн ноосон цамц сольж өмсөөгүй байвал би лав гайхна гэлээ.
- Би үүнийг тодруулъя.
Фостер дэлгүүр лүү явж байгаа Хадерын араас харж суув. Сурвалжлагч, зураглаач хоёр дэлгүүр лүү орохоор үүдэн дээр нь зогсож байснаа Хадерын ирэхийг хараад хойшоо ухарлаа. Хадер дотогшоо орохын өмнө тэднийг толгойн оройноос нь хөл хүртэл харав. Фостер Викерсийн тухай бодлоо. Тэр даваа гаригт чөлөө авсан байсан нь сэжиг төрүүлж байсан ч яагаад ч юм тэр сэжигтэн байж таарахгүй санагдаад байв. Тэгэхдээ тэдэнд одоогоор сэжиглэж байгаа хүн нь ганцxан тэр байлаа. Хадер дэлгүүрээс буцаж ирэв.
- Кэти тэр өдөр бидний олох үед өмссөн байснаас өөр хувцастай байсан байна. Тэр хар ноосон цамц, жинсэн өмд өмссөн байжээ. Би бас дэлгүүрийн өмнө хоёр сурвалжлагч...
- Мэднэ. Би тэднийг харсан гэж Фостер үгийг нь таслав.
- Чи Викерсийг яах бодолтой байна? гэж Хадер асуулаа.
- Энэ миний асуудал биш. Харрис бүх асуудлыг шийдэх ёстой. Бид зөвхөн түүнд хэлээд Викерсийг баривчлах нь уу үгүй юу гэдгийг харж л байя. Кэти Дрэйкийн хувцаснаас олдсон үсний ДНК түүнийхтэй тохирвол бид зөв хүнээ олжээ гэсэн үг.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:35 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 7:00 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3785
Location: Ирмэг
23, 27 бүлгүүд 2 давхардаад орчихож...Дахиад нэг бүлэг байна даа гээд үргэлжлүүлсэн чинь давхар орчихсон байна шд...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Jul.04.17 7:06 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
5


Энэ хооронд сайн үйлсийн дэлгүүрийнхнээс Үндэсний хэвлэл мэдээллийнхэн, радио, телевизийнхэн ярилцлага авахаар тэнд шавцгааж байлаа. Хадер, Фостер хоёрын харсан нөгөө хоёр хүн дөнгөж эхлэл төдий байжээ. Кэти Дрэйкийн хорт хавдар судлалд зориулсан сайн дурын ажил хийдэг байсныг олон нийтэд мэдээлж түүнийг бараг бурхан мэт магтсан байлаа. Моврин, Ивон, Тревор нар тэдэнд өгсөн ярилцлагандаа түүнийг тэнгэрийн ариун элч байсан мэт дүрсэлжээ. Ялангуяа нэг ярилцлагынхаа эцэст Тревор Викерс гингэнэтэл мэгшүүлэн уйлсан байна. Фостер ажил дээрээ мэдээний сувгуудаар түүний хэрхэн сэтгэлээр унасан байгааг дахин давтан нэвтрүүлэхийг хэдэн удаа харжээ. Мэдээний үеэр байрны урд холхисоор байгаа цагдаагийн ажилтнууд, Наомигийн зураг, түүний найз охид, ангийн хамт олонтой хийсэн ярилцлагыг гаргасны дараа Треворын нулимс дуслуулан уйлж байгаа бичлэгийг давтан гаргацгааж байлаа. Өрөөнд мэдээлэл өгөх гэсэн утасны дуудлага зогсолтгүй хангинаж, утасны яриануудыг бичлэгт хурааж тэмдэглэн авч байлаа. Гэвч Наомиг хулгайлсан, Кэтиг алсан алуурчны талаар ямар ч мэдээлэл байсангүй. Охин ямар ч сураггүй, түүнийг амьд олох боломж улам багасаж байлаа.
Тревор Викерсийг нас барсан найздаа харамсан гашуудаж, камерын өмнө гингэнэн уйлж байх хооронд түүний урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан тухай мэдээллийг олж авсан сониныхон Скотланд Ярдын хэвлэл мэдээллийн алба руу холбооны шугам улайстал зогсолтгүй утасдаж, Тревор Викерсийг сэжигтэн мөн эсэх, түүнийг байцаалтанд дуудах эсэхийг лавлан асууцгаажээ. Олон нийтийн дунд ихэд нэрд гарсан сурвалжлагчдын нэг хохирогчийн хөршөөс Викерс, Кэти хоёрын харьцаа энгийн биш байсныг мэдсэнээ өөр тодорхой тайлбаргүй утсаар мэдэгдсэн гэнэ.
- Тэд түүнийг Норман Бэйтс шиг алдартай болгож байна гэж Фостер Хадерыг утасдахад хэлэв.
- Кэти Дрэйкийн хувцаснаас олдсон үсний ДНК-ийн хариу ирсэн гэж Хадер хэллээ.
- Викерсийн ДНК-тай тохирч байна уу?
- Үгүй. Чамд тэр үсний дээж дэх ДНК-ийн шинжилгээний талаар мэдсэн юм байна уу?
- Тэрнийг тайлагдашгүй нууц агуулсан гэж л мэдэх юм байна.
- Лабораторт байгаа хүмүүсийн хэлж байгаагаар тэр үсийг сугалж аваагүй, унаад удсан учраас үсний угийн уутанцар хатсан байжээ. Хэрэв уутанцар шинэхэн байсан бол ДНК-гийн бүрэн шинжилгээ хийж болдог гэнэ. Харин одоо энэ боломжгүй болжээ.
- Тэгвэл бидэнд энэ ашиггүй гэсэн үг үү?
- Үгүй, яг ч тийм биш. Тэд митохондрын ДНК-г тодорхойлж чадсан ч энэ нь мэдээллийн сантай харьцуулж үзэхэд хангалтгүй гэж байна. Фостер шүүх эмнэлгийн болон удамшлын шинжлэх ухааны талаар тодорхой мэдлэггүй ч митохондрын ДНК эхийн талаас удамшдагийг бас энэхүү мэдээлэл ДНК-ийн мэдээллийн санд байдаггүйг мэддэг ажээ. Тэгэхээр бусад шинжилгээний хариутай харьцуулах ямар ч аргагүй болжээ.
- Тэд Наомиг олох эрлийн ажилд тус дөхөм болгох үүднээс ДНК-ийн томъёоны гаргалгааг гаргажээ. Тэгээд түүнийгээ Викерсийн үсний дээжтэй харьцуулж байтал нэг сонин юм олдсон байна.
- Хурдан хэлээч.
- Нөгөө үсний ДНК хохирогчийнхтой тохирсон гэнэ.
- Тэр чинь юу гэсэн үг вэ?
- Кэти, хувцаснаас олдсон үс хоёрын митохондрын ДНК нь адилхан байсан гэж байна.
- Охиных юм болов уу?
- Үгүй, би ч гэсэн эхлээд тэгж бодсон. Тэр охиных биш. Үс эрэгтэй хүнийх гэдэг нь тодорхой богинохон, бас хар өнгөтэй. Гэтэл Кэти бор хүрэн харин охин шаргал үстэй. Тэд дахин гүнзгийрүүлж шинжилгээ хийх болно. Гэхдээ бидэнд үс эрэгтэй хүнийх гэдэг тодорхой болсон.
- Тэгвэл түүний төрөл төрөгсдийн нэг байж таарах нь ээ? гэж Фостер тодруулан хэллээ.
Тэд одоо хүртэл Кэти Дрэйкэд эрэгтэй хамаатан садан байдаггүй гэж бодож байсан билээ.
- Митохондрын ДНК-ийн хаплотипийн талаар чи мэдэх үү?
- Миний Белгийн рок хөгжмийн талаархи мэддэгтэй л адилхан.
- Митохондрын ДНК хэдэн мянган жил өнгөрсөн ч хувиралгүй яг хэвээрээ үлддэг юм байна.
- Чамайг юуны талаар яриад байгааг би ойлгохгүй байна,
Хадер.
- За за. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл хохирогч, бидний олсон үсний эзэн хоёрын урьдын эмэг өвөг нь нэг хүн юм байна. Гэхдээ ямар нь гэдгийг бид мэдэж чадахгүй нь харамсалтай. Тэр нь нэг үе удмын дээр байсан, эсвэл хэдэн зуун жилийн өмнөх үеийн удмын хүн байж магадгүй юм байна.
- Тэгвэл тэр хүн нь тэдний ээж ч байж магадгүй, эсвэл хүй нэгдлийн үеийн нэг эмэгтэй ч байж магадгүй гэсэн үг үү?
- Яг тийм. Нэг төрлийн митохондрын ДНК-ийн хаплотип нь олон хүнд байдаг гэнэ. Гэхдээ зарим хаплотип их ховор, хүн амын зөвхөн нэг хувьд агуулагддаг.
- Тэгвэл ганц хүн ч юм уу эсвэл цөөн хэдэн хүний хүрээнд олох ямар ч боломжгүй юм байна.
- Харрис, түүний хамтрагчид яг зөв хүнээ олохоос нааш үүнийг ашиглах боломжгүй гэцгээж байна. Хэрвээ Тревор Викерс тэр хүн нь мөн бол сайн л байна. Тэд одоо Тревороос туг үс авч нөгөө үсний ДНК-тай харьцуулж үзэх гэж байгаа ч миний хувьд энэ бүрэн баталгаа болж чадахгүй.
Фостер Хадертай санал нэг байлаа. Цаг яваад байдаг, охин олдоогүй хэвээрээ. Багийнханд одоо зөвхөн байгаа хэдхэн мэдээллээ судалж, тодорхой хариу өгөх эсэх нь эргэлзээтэй ДНК-ийн шинжилгээ хүлээх нь амархан байлаа. Гэвч Фостер иймэрхүү уран сэтгэмжийн мэт хачин юмс мөрдлөгийн ажиллагааг мухардуулдгийг хорин жилийнхээ ажлын туршлагаас сурч мэдэж авчээ. Криминалистууд нэг эд мөрийн баримт гаргаж ирэхэд шүүх эмнэлгийн шинжилгээгээр өөр юм илэрдэг. Тэгтэл цусны толбо бүр өөр юм заах жишээтэй. Тэр технологийн хөгжилд хуучинсагаар ханддаггүй ч тодорхой хэмжээгээр болгоомжилдог ажээ. Заримдаа чи өөрийнхөө зөн совинг сонсох хэрэгтэй. Хадерт бас яг ийм мэдрэмж байгааг утсаар ярих үед нь Фостер анзаарчээ. Хадер хэдийгээр өөрийн бодлыг олон үгээр илэрхийлээгүй ч тэд хоёулаа энэ шинжилгээ хэргийг илрүүлэх гол түлхүүр болж чадахгүй гэдгийг ойлгожээ.
Хадерын хэлснийг Фостер хэсэг эргэцүүлэн тэр шинжилгээний хариу үнэхээр ашиггүй юм байх даа гэж бодлоо. Кэти болон олдсон үсний эзэн хоёрын ДНК хоорондоо холбоотой, нэг удмын байх магадлалтай байдаг. Хохирогчийн өнгөрсөн амьдрал учир битүүлэг, тодорхойгүй байгаагаас үзэхэд энэ олдсон баримт чухал байж таарах уу? Тийм ээ, тэдний эмэгтэй талын элэнц хуланц нь том соёот барын үдийн зоог болсон нэг хүн сармагчин байж болох ч зуун жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй байхыг бас үгүйсгэхгүй. Алагдсан хохирогч, алга болсон охин, алуурчин байж магадгүй тэр хүн бүгд адилхан ДНК-тай гэдэг чинь цусан төрлийн холбоотой гэсэн үг.
- Наижлыг олж ир. Хэдүүлээ Үндэсний Архивт уулзацгаая.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:36 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 7:25 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
Сара чимээ гарахыг сонслоо. Тэр шөнийн цагаар хоёр охин дүүгээ сэрээхгүйн тулд чимээ гаргахгүйг хичээх нь нэг бус удаа тохиолдож байгаа билээ. Эцэг эх, ах нар нь гэрт байхгүй тул бяцxан Томас бас тэдний дунд шурган орж хэвтжээ.
Дахиад чимээ гарлаа. Сара түүнд гаргаж байгаа энэ чимээгээ өөрчил гэж хэлэх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Энэ дуу уулийнхтай ямар ч төсгүй ажээ. Сара хөнжлөөсөө сугаран гарч хүйтэн шалан дээр зогсов. Зузаан ноосон оймс өмссөн болохоор тэр харин даарсангүй. Сара гутлаа хурдан углалаа. Тэр унтлагын хувцсан дотроо хэдийн хувцсаа өмссөн байжээ. Өөрийг нь гарч очихоор түүнийг гадуур хүрмээ тайлж өгнө гэдгийг Сара мэдэж байлаа. Түүнийгээ харах бүрт Сарагийн зүрхний цохилт хурдасдаг билээ. Сүүлчийн уулзалтаас хойш хэдийн хоёр долоо хоног өнгөрчээ.
Тэр цонх руу очиж, зөөлхөн онгойлгоход хүйтэн салхи нүүрийг нь хайрав. Сара онгойлгосон цонхны завсраар шурган байшингийн урд байдаг модон тавцан дээр гарч, зогсон цонхоо хаагаад түмэн од түгсэн харанхуй тэнгэр өөд харлаа. Дараа нь тавцангийн буланд очиж унтлагын хувцасныхаа хормойг шуун, хашлага дээгүүр хөлөө давуулаад хашлагаас гараараа сайн зуурч биеэрээ доош аажуухан гулгаж газарт үсрэн буув. Сара хэсэг чимээ чагнан зогсож байснаа буух үед гарт нь орсон өргөсийг сугалж авлаа. Гэрт ч, гадаа ч тэр ямар ч чимээ анир гарсангүй. Агаарын хэм огцом буусан учир газрын хөрс хөлджээ. Сара найз залуугийнхаа нуугдаж байгаа булангийн цаана байдаг амбаар луу хурдлан очив. Амбаарны хана налан явган сууж байсан залуу түүнийг хараад босож зогслоо. Тэд бие биен рүүгээ тэмүүлэн үг дуугүй тэврэлдэв. Залуу охины мөрөн дээр гараа тавин толгойг нь үнэрлэн хэсэг зогссоноо хүрмээ тайлж охинд нөмрүүллээ. Тэд гараасаа хөтлөлцөн талбайг орхин ойролцоо харагдах ойн зүг гүйцгээв.
Харанхуй нөмөрсөн модны доор ирэнгүүтээ залуу охиныг биедээ наалдуулан тэвэрч уруул дээр нь озон үнслээ. Түүнийхээ тэврэлтэнд дулаацах хэдийгээр сайхан байсан ч Сарад хэлэх юм зөндөө байгаа тул залууг өөрөөсөө аяархан түлхээ холдуулав. Залуугийн нүдэнд хайраас илүүтэй шунал тачаал асч харагдана. Сара уруулаа хазалж зогссоноо дараа хэлэхээр шийдлээ...
Тэд газар сууцгааж, Сара найз залуугийнхаа энгэрт наалдан тэврүүлсний дараа хэд хоногийн өмнө сонссон эцэг эхийнхээ яриаг түүнд дуулгалаа. Хэскер Пэттибонийн нэрийг дурьдахад залуугийн бие чангарахыг тэр мэдрэв. Сараг яриагаа дуусгасны дараа тэд хэсэг дуугаралгүй сууцгаалаа. Эцэст нь залуу
- Тэд намайг эндээс холдуулахыг хичээж байгаа гэлээ. Сара огцом өндийн сууж
- Юу гэнэ ээ? Хэн ?
- Миний эцэг, ах нар, авга ах, бас тэдний найз нар.
- Яах гэж тэр вэ? Чи тэдний төлөө хамаг чадлаараа ажиллаж байгаа биз дээ?
- Мэдэж байна. Энэ надаас болоогүй. Хэдэн өдрийн өмнө Исаак Канфилдийг гэрийнхэн нь зодож гэрээсээ хөөсөн. Тэр гэртээ дахиж ирж чадахгүй болсон.
- Би сайн ойлгохгүй байна.
- Сара, чи бол залуухан, тэд харин ахмад хүмүүс. Энд чам шиг залуухан эмэгтэйчүүд цөөхөн. Чамайг Хэскер Пэттибонийн оронд Исаак Канфилд эсвэл намайг нөхрөө болгохыг хүснэ гэдгийг тэд мэдэж байгаа.
- Тэдний зөв. Сара чичирснээ дахин залуугийнхаа цээжийг налан суулаа.
- Би тэр бүдүүн гахайгийн өвөрт орсноос үхсэн нь дээр.
- Тэгвэл би чамайг эндээс авч явна гэж залуу эргэлзэлгүй хатуу шийдсэн хоолойгоор хэллээ.
Тэд салхинд найган ганхах модны доор бодолдоо автан сууцгаана. Сара хайртай дүү нарыгаа их санах байх даа гэж бодоод зүрх нь шимширлээ. Тэд ч өөрийг нь санаж таарна.
Хэдий тэгсэн ч тэр ертөнцийн хязгаар хүрсэн ч хамаагүй Хортоныг дагаж явна гэдгээ мэдэж байлаа.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:37 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.04.17 9:19 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 899
Location: Holland
6


Усан оргилуурын дэргэдүүр өнгөрч явах үедээ Наижл Үндэсний Архивын урд хаалган дээр өөрийг нь хүлээн зогсож байгаа Хадер, Фостер хоёрыг олж хараад алхаагаа хурдасгалаа. Нэг газраа тайван зогсож чадахгүй амнаасаа уур савсуулан дороо холхиж байгаа Фостерыг харсан чинь Наижлд тэр ороо нь орсон бухтай адилхан санагдав. Хадер Наижл руу хараад Фостер луу толгойгоо шилгээн дохилоо. Өөрийг нь олж харангуутаа Фостер ташаа тулж зогсоход бухимдсан байгааг нь мэдсэн хэдий ч Наижл түүн рүү инээмсэглэлээ. Тэр мэдээж өөрт нь уурласан гэдгийг мэдэж байгаа ч Наижл өөрийгөө бусдад ядуу дорой харагдуулахыг хүссэнгүй.
- Хожимдсонд уучлаарай гэж Наижл амьсгаадах зуур хэллээ.
- Ашгүй нэг юм ирэх шив дээ гэж Фостер хэлэв.
- Чи ямаршуухан байна даа? гэж Наижл хариу асуулаа. Тэр Фостерыг хамгийн сүүлд оршуулгын үеэр тахир дутуу хүний түрдэг тэргэнцэртэй харжээ. Тэгэхэд тэд Карл Хоггийн хэргийг шалгах явцад олдсон нэг эрийг оршуулахад хамтдаа оролцсон билээ.
- Миний талаар дахин дахин асуугаад байхгүй бол надад илүү дээр байх юм шиг санагдаж байна гэж хэлснээ Фостер инээд алдаад Наижл руу нүдээ ирмэлээ.
- Хүмүүс яриа өрнүүлэхийн тулд л ингэж асуудаг шүү дээ гэж Хадер тэдний дундуур орж хэлэв.
- Тийм байж болох л юм, гэхдээ илүү юм ярих ямар хэрэг байна гэж Фостер хариулах зуур инээмсэглэл нь ор мөргүй алга болсон байлаа.
- За алив, орцгооё. Тэгээд чамд юу болоод байгаа талаар тайлбарлаж өгье. Фостер нээрээ өөрчлөгдөөгүй байна шүү гэж Наижл бодов.
Тэд шууд цайны газар луу явж ширээнд очиж сууцгаалаа. Цаг руугаа байн байн харж байсан Фостер
- Арван минутын дараа би өөр газар байх ёстой, ... тэгэхлээр яриаг таван минутын дотор амжуулах хэрэгтэй гэв.
Тэр Тревор Викерсийг байцаахаар цаг товлосон ажээ.
- Хэргийн талаар шууд ярья. Чамайг Кэтигийн урьдахь амьдралын талаар жаахан судалсан гэдгийг би мэднэ. Бид чамайг үүнийг дахиад жаахан гүнзгийрүүлж судлахыг хүсэж байна.
- Илүү гүнзгийрүүлнэ гэнэ ээ? Яаж?
- Хохирогчийн эмэгтэй талын удмыг судалж үзэх хэрэгтэй.
Наижл хөмсгөө атируулав. Хэдхэн сарын өмнө удам судлалыг үл тоомсорлодог байсан Фостер эмэгтэй талын удмыг судлах талаар ярьж байдаг.
- Яагаад гэдгийг нь мэдэж болох уу?
- Кэти Дрэйкийг алж, охиныг хулгайлсан хүн тэдний холын хамаатны хүн байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Бид түүний эхийн талын эмэгтэй удмыхнаас одоо ямар хүмүүс амьд байгааг мэдэх хэрэгтэй байна.
Хадер яриаг өлгөн авч
- Хэрэг гарсан газар, хохирогчийн хувцсан дээрээс нэг үс олдсон. Тэр үс хаанаас, яаж хувцсанд наалдсаныг бид мэдэхгүй. Гэхдээ тэр үс алуурчных байж болзошгүй, үгүй ч байж магадгүй. Бид энэ үсний эзнийг олж ярилцах хэрэгтэй байна. ДНК-гийн бүрэн шинжилгээ хийгдэх боломжгүй байгаа нь бидэнд асуудал болоод байна. Одоогоор тодорхой байгаа зүйл бол тэдний митохондрын ДНК нэг ижил... гэж хэлтэл Наижл
- Тэдэнд нэг элэнц хуланц байдаг, тэр нь зөвхөн эмэгтэй талын удамд байгаа. Гайхалтай гэж үгийг нь гүйцээв.
- Чи ДНК-гийн талаар хэр мэдэх вэ?
- Би мэргэжилтэн биш. Гэхдээ удам судлаач хүн ДНК-гийн мэдлэггүйгээр ажлаа хийх боломжгүй.
- Чамайг би сайн ойлгосонгүй. Тэр чөтгөрийн ДНК чинь удам судлалтай ямар холбоотой юм бэ?
- Чи одоо маргаан дэгдээсээр байгаа маш чухал асуудлыг хөндөж байна. Зарим хүмүүс ДНК-г уламжлалт удам судлалд ямар ч хэрэггүй гэж үздэг. Тэд удам судлалд хуучин арга барилаа авч үлдэн цаас эргүүлж суух ёстой гэцгээдэг юм. Би ч гэсэн тэдний нэг гэж хэлж болох ч ДНК-гийн шинжилгээ тодорхой үүрэг гүйцэтгэдгийг үгүйсгэхгүй. Тэгээд ч ирээдүйд ДНК удам судлалын салбарт зонхилох үүрэгтэй болох байлгүй.
Фостер энэ талаар дэлгэрэнгүй ярилцахыг хүссэнгүй.
- Судалгаа хийх ажил чинь хэрэг удах бол?
- Эмэгтэй талын удмыг бүрэн судалж гаргана гэвэл эрэгтэй талынхныг судлахаас илүү цаг ордог. Ихэнх эмэгтэйчүүд жинхэнэ овгоо гэрлэснийхээ дараа сольдог. Хэрвээ чи урьдын адил Ерөнхий Бүртгэлийн Газар (ЕБГ)-тай холбогдон анкет бүртгэлийг яаралтай гаргуулж, утсаар мэдээллийг авахаар зохицуулбал бид цагаа хэмнэж чадна.
- Үүнд ямар ч асуудал байхгүй гэж Фостер хэлээд
- Хадер чамд туслах болно. Тэр урьд нь чамтай хамт ажиллаад энэ ажилд дасчихсан юм гэсэнд Наижлын зүрх нь ёгхийгээд явчихав.
Тэр инээвхийлэх аядан
- Гайхалтай гэж хэллээ. Хадер ч бас адилхан царайтай болохыг ажигласан Наижл энэ түүний гаргасан санаа биш гэдэгт итгэлтэй байлаа. Тэд холдон яваа Фостерын араас харж зогсоцгоов.
- Тэр их турчихжээ гэж Наижл энэ эвгүй чимээ аниргүй байдлыг эвдэн хэлэв. Тэр дээрээс хэн нэгэн хувь заяагаар нь тоглоом хийх мэт тэр одоо дахиад Хадертай хоёулхнаа үлджээ.
- Эрүүгээ эдгэтэл хагас жилийн турш зөвхөн гуурсаар шөл, улаан дарс ууж байсны үр дүн гэж Хадер хариу хэлээд
- Тэр энэ гайхалтай тураах жороо худалдаанд гаргавал овоо мөнгө олж магадгүй шүү гэлээ.
- Гэхдээ тэр одоо сайн байгаа бололтой.
- Тэр ажиллаж байгаа. Түүнээс өмнө би түүнтэй хэдэн удаа ярилцахад юу ч хийхгүй суух сайхан байгаа мэт дүр эсгэж байсан ч худлаа гэдэг нь илт байсан. Тэгсэн ч түүнд ажлаас нь өөр юу ч үгүй байгаа нь уйтгартай байдаг.
Хадерын ярихыг сонссон Наижл өөрөө ажлаасаа гадна ямар байдгаа эргэцүүлэн бодоход хүрэв. Гэвч одоо ингэж бодох нь түүнд ямар ч ашиггүй санагдав. Наижл танхимын тааз руу толгойгоо өлийлгөн ширтэх зуур юу хийх ёстойгоо бодлоо.
- Энд хуучны адил хүн ихтэй хэвээрээ юу? гэж Хадер асуув.
- Өө тийм ээ, галзуугийн эмнэлэг шиг байдаг гэж Наижлыг хариулсанд Хадер дурладаг байсан үеийнх шиг нь сэтгэл татам сайхнаар инээд алдлаа. Тэр энэ эмэгтэйн дэргэд байх ямар сайхан байсныг мартсан байжээ. Сүүлийн үед тэр эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарахаа больж, зөвхөн өнгөрсөн үеийн түүх судалж, өдрийг өнгөрүүлдэг болсон билээ. Харин одоо Наижлд ажлынхаа үр дүнг практикт хэрэгжүүлэх боломж гарчээ.
- Дараа би чамд бүх учрыг тайлбарлаж өгнө гэж Хадер хэлэв.
Наижл түүнийг буруу юм хийсэн гэдгээ ойлгож байгаа гэдэгт итгэсэн боловч одоохондоо түүний тайлбарыг сонсмооргүй байлаа. Тэр Кэти Дрэйкийн эмэгтэй талын удмын амьд байгаа хүмүүсийг хайх ажилд анхаарлаа хандуулахыг хичээв. Тэд ЕБГ, хүн амын тооллогын бүртгэлийн тусламжтай Кэтигийн удмынхныг 1891 он хүртэл олж чадлаа. 1891 онд Хортон, Сара Роули нар охин Эммагаа төрөхөөс дөрвөн сарын өмнө гэрлэцгээжээ. Тэр үед Хортон хорин нэгтэй, Сара арван найман настай байжээ. Нөхөр нь мужаанаар ажилладаг гэж бичсэн байв. Тэдний аль ч эцгийнхээ нэрийг тэмдэглүүлээгүй байжээ. Тэд дараа нь дахин хоёр хүүхэдтэй болж, хүүгээ Исаак, охиноо Элизабет гэж нэрлэжээ. Хортон гэдэг ховор нэртэй энэ эр 1909 онд омнибуст дайруулсны улмаас нас барж, хүү Исаак нь Дэлхийн нэгдүгээр дайны үед амь үрэгджээ. Сара 1913 онд уушигны үрэвслийн хүндрэл, уушигны гялтан хальсны үрэвслээр нас барсан ажээ. Гэвч Наижл 1871, 1881 оны хүн амын бүртгэлд тэдний нэр, хаягийг олсонгүй. Тэд зөвхөн 1891, 1901 оны бүртгэлд хамрагджээ. Хоёулангийнх нь төрсөн газрын нэр байхгүй, зөвхөн "ТБ" гэж тэмдэглэсэн байв. Наижл тэмдэглэгээг Хадерт харууллаа.
- Энэ юу гэсэн үг вэ?
- Тодорхой бус гэж байгаа юм аа.
- Тэдний эцэг эх нарт амьдардаг тодорхой газар, орон байр байгаагүй юм байлгүй дээ. Наижл эргэлзэж байгаа бололтой
- Хмм гэж бодлогошронгуй дуугараад доод уруулаа хазлав. Урьд нь мэдээж тэр иймэрхүү асуудалтай зөндөө тулгардаг байжээ. Гэхдээ энэ эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа төрсөн газраа мэддэггүй байсан нь хачирхалтай байв.
- Чи жаахан эргэлзээд байгаа юм уу? гэж Хадер асуулаа.
- Олон янзын шалтгаан байж болно. Тэд үнэхээр төрсөн газраа мэддэггүй байсан байж болно. Гэхдээ гэрлэлтийн бүртгэлд тэд хоёулаа төрсөн эцгийнхээ нэрийг тэмдэглүүлээгүй байгаа нь хачин байна. Тэд төрсөн газраа мэддэггүй, сүүлд хүнд өргүүлсэн бутач хүүхдүүд байсан юм болов уу?
- Чи тэднийг хоорондоо холбоотой байсан гэх гэсэн юм уу?
- Харин тийм ээ, Тэд магадгүй хаа ч юм нэг ядуучуудын асрамжийн газар тааралдаад нэг үндэс угсаа, нэг цусан төрлөөс гаралтай гэдгээ мэдэцгээсэн ч юм бил үү.
- Энэ их сэтгэл хөдлөм сонсогдож байна. Хайр дурлал бүхнийг ялна гэдэг ч юм уу, нэг тиймэрхүү гэж Хадер хэлээд нүүр лүүгээ унжсан үсээ хойш нь илснээ
- Гэхдээ чи үүнд итгэлтэй биш байгаа чинь мэдэгдээд байна гэлээ.
- Би анх удаа ийм тохиолдол харж байгаа ч иймэрхүү юм болдог л байсан байлгүй дээ. Тэдний аль нэг нь төрсөн газраа мэддэггүй юмаа гэхэд өссөн газрынхаа нэрийг хэлж бичүүлэх байсан гэж бодогдоод байна. Эсвэл наад зах нь өргөж авсан эцгийнхээ овгийн нэрийг тэмдэглүүлж бас болно. Тэдний толгойд адилхан хоосон орон зай байсан гэдэгт би эргэлзээд, хардалт төрөөд байна.
- Чи тэднийг зориуд нууж, бүртгэлд хоосон зай үлдээсэн гэж бодож байна уу?
- Хүн амын тооллого зарим хүмүүст чухал биш байсан. Викториагийн үед хүмүүс хувийн амьдралд нь оролцож байна гэж үздэг байсан учраас өөрсдийнхөө талаар аль болох бага мэдээлэл өгөхийг хичээдэг байсан. Тэд мэдээллийг өөрсдийнх нь эсрэг ашиглана гэдгээс айцгаадаг байжээ. Энэ бол том шалтгаан. Цөөхөн тохиолддог бас нэг шалтгаан байсан.
- Тэр чинь юу юм бэ?
- Хаа нэгтэйгээс зугтаасан, олдохыг хүсэхгүй байх. Тэдний хүүхэд гэрлэснээс нь хойш дөрвөн сарын дараа төрсөн байна. Сара дөнгөж арван наймтай байсан. Би үүнийг зөвхөн таамаглах төдий байгаа шүү. Аль нэг эцэг эх нь тэдний гэрлэхийг эсэргүүцэж татгалзсанаас Хортон Сара хоёр зугтаж ардаа ул мөр үлдээхийг хүсээгүй биз. Тэд хуурамч нэр ашиглаж, төрсөн газраа нуусан байж болно.
- Энэ бүр ч илүү романтик, уярмаар юм байна. Ромео Жуллета хоёрын түүх шиг санагдчихлаа. Магадгүй Хортон ядуу гэр бүлээс гаралтай, гараа эвэрштэл хүнд ажил хийдэг нэгэн, Сара нутгийн нэг баян газрын эзний охин байсан юм байлгүй гэж Хадер түүнийг явууллаа.
- Чи роман, тууж бичдэг зохиолч болж чадах л юм байна.
- Тэгвэл би уянгын халил багатай, жинхэнэ амьдралаас сэдэвлэсэн юм бичиж магадгүй гэж Хадер хэлэв.
Дараа нь тэд дуугаа хураан суух хооронд Хадер өөрийг нь үл ойлгогдох харцаар ширтэхийг Наижл анзаарлаа. Тэр гунигтай байгаа юм болов уу? Харамссан юм болов уу?
Наижл яах ёстойгоо мэдсэнгүй. Ямар нэг юм хэлэх хэрэгтэй юү? Гэсэн ч тэр юу хэлэхээ бас мэдэхгүй байлаа. Сэтгэл зовоосон чимээ аниргүй хэдэн хормын дараа Хадер яриаг үргэлжлүүллээ.
- Хэрвээ тэдний 1891 оноос өмнөх ул мөр олдохгүй бол бид одоо юу хийх вэ?
- Би хэдэн юм хийж болох юм, гэхдээ үүнд хугацаа их орно гэж хэлэхдээ Наижл биеэ дахин эзэмдэж чадсандаа баяртай байлаа.
- Эхлээд Сара Ровлигоос салбарласан үр удмыг нь судалж гаргахыг оролдоно. Тэгвэл бидэнд цаашаа гарах гарц олдож магадгүй. Хадер Наижлын саналыг зөвшөөрч, тэд өдрийн үлдсэн хугацаанд энэ ажлыг хийцгээв.
Архивын газар хаах дөхөж байхад Наижл Кэтигийн эмэгтэй талын төрөл төрөгсдийн нэрсийн жагсаалтыг гаргаж авчээ. Гурван жилийн өмнө гучин зургаан настай Жиллиан Стами амиа хорлож үхсэн, бас таван жилийн өмнө Эдит Чапман хэмээх нэг өндөр настай эмэгтэй нас барсан байв. Одоо амьд байгаа эмэгтэйчүүд нь Наоми Бэкингэм, Леони Стами, Рэчел Стами, Люси Робинсон, Люис Робинсон нар байлаа. Сүүлчийн Люси Робинсон, Люис Робинсон нар буюу эх охин хоёр бяцxан хүү Зак Робинсон, нөхөр Брайны хамт Шинэ Зенланд руу амьдрахаар шилжин явцгаажээ. Эрчүүдээс Мартин Стами, Дэвид Стами, нас барсан Жиллианы хүү буюу Леонигийн дүү Гэри Стами, Мартины хүү Брэд Стами, Антони Чапман нар амьд байлаа. Кристофер хэмээх нэг эр гурав жил хагасын өмнө нас баржээ. Хадер жагсаалтыг хараад
- Энд одоо Пратт/Дрэйк/Бэкингэмийнхэн, Чапман, Стами, бас Робинсон гэдэг дөрвөн гэр бүлийнхэн байгаа байх нь ээ? гэлээ.
- Тийм ээ гэж Наижл батлан хэллээ.
- Энэ тийм ч урт жагсаалт биш байна.
- Эд нар бол Сарагаас эхтэй, нэг митохондрын ДНК-тай хүмүүс байгаа юм. Энд олон хүн нас барсан, бас хүүхэд цөөхөн байна. Чапманыхан болон Наомигийн талд бараг хүн алга. Ганцxан Стамигийн үр удмынхан том гэр бүл гэж харагдаж байна. Робинсоныхон хуваагдаж зарим нь Шинэ Зеланд руу явцгаажээ. Удмын модноос харахад эдний төрөл
төрөгсөд тийм ч том биш юм. Одоо чи юу хийх гэж байна?
- Эдгээр хүмүүсийг эрж олно. Ялангуяа эрчүүдийг нь олж ярилцана. Энэ хэдийгээр аз сорьсон хэрэг боловч, хийгээд үзэх нь зүйтэй гэж бодож байна.
- Зүйтэй, би 1891 оноос өмнөх мэдээлэл яагаад байхгүй байгааг тодруулахыг хичээе. Сара, Хортон нар өөр газар орноос ирсэн байж магадгүй тул би үлдсэн хугацаанд усан онгоцны зорчигчдын жагсаалтанд хайж үзнэ. Бас нэр сольсон хүмүүсийн бүртгэлийг харна. Магадгүй би тэндээс тэдний удмынхан, элэнц хуланцын талаар мэдээлэл олох ч юм бил үү. Ямар нэг юм олдвол би чамтай холбоо барья.
Хадер инээмсэглэж
- Миний санахад ингэсэн нь дээр юм шиг байна гэж зөвшөөрөн хэллээ.

_________________
Sakura


Last edited by naran1962 on Mar.01.19 3:38 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 144 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited