27
Буурчийн газар орхигдож хаягдсан машины зогсоолын дэргэд нэг давхар П хэлбэртэй барилгад байрладаг ажээ. Хямдхан тамхины үнэр шингэсэн энэ буудалд ирдэг үйлчлүүлэгчдийн ихэнх нь түр зуурын ор хөнжлийн зугаа хайсан хүмүүс байдаг бололтой. Одоо яая гэхэв. Шалан дээр дэвссэн халцарч халтайсан хивс, олон дахин угааснаас сэмэрч муудсан ор хөнжлийн даавууг харсан Наижл энэ талаар бодохгүйг хичээлээ. Либертид амьдардаг хүмүүсээс хичнээн нь тэндээс явж бусдын сониучирхсан, шоолсон харцнаас дальдчин ичиж зовсон тэрбээр эргээд хуучин ариун гэж нэрлэгддэг тэр газар луугаа буцаж очсон бол? гэж Наижл өөрөөсөө асуулаа. Тэдний заналхийлсэн харц түүнд одоо ч мэдрэгдээд байх шиг. Хадер машинаа хүний нүдэнд тусахааргүй газар олж тавьжээ. ҮЭС- ийн тухай сайн мэдэхээр Хадер буурчийн газрын эзэнтэй яриа өрнүүлсэн боловч илүү мэдээлэл олж авч чадсангүй. Эзэн тэр хүмүүсийн талаар сайн мэдэхгүй ч тэднийг нийгмийн хог шаар мэт үздгээ нуугаагүй бөгөөд, тэд өөрсдийгөө нуун далдалж, дараагийнхаа алхмыг хийхээр хүлээж байдаг гэжээ. Наижлынхыг бодвол арай дээр харагдах Хадерын байрласан өрөөг тэд ажлаа явуулах гол байраа болгожээ. Фостертой утсаар ярихаар хэдэн удаа бүтэлгүй оролдлого хийсэн Хадер тайван биш болж өрөөнд нааш цааш холхино. Тэр юу хийхээ мэдэхгүй байлаа. Хэдийгээр дэргэд нь байгаа ч алс хол байгаа мэт мэдрэмж төрүүлэх Хадерыг харж суусан Наижл ч мөн адил бухимдаж байв. Наижл буурчийн газрын эзнээс телефон утасны лавлах авч Либертид байдаг хэн нэгэн рүү утасдаж үзье гэсэнд Хадер татгалзжээ. Тэр цаг нөхцөөхөөр зурагтын суваг сольж суулаа. Хэрвээ Наижл гэртээ байсан бол зурагтаар гарах энэ орон нутгийн болон цаг агаарын мэдээ, тасралтгүй дамжуулах шашны нэвтрүүлэг, компаний сурталчилгаануудыг харж суухгүйсэн. Хадер гар утсаа өрөөний буланд байсан ширээн дээр цэнэглэхээр тавьчихаад орон дээр нэг нүдээрээ зурагт руу харан хэвтэж байснаа гэнэт усанд орлоо гэж хэлэхэд Наижл түүнийг тайван үлдээхээр өрөөнөөс гарлаа. Хадер араас нь ганцаархнаа галзуу солиотой юм хийж болохгүй шүү гэж сануулжээ. Гадаа тамхи татаж байсан Наижл зам дээр ойртон ирэх машины гэрлийг хараад зүрх нь түгшиж, арын гэрлээ гялалзуулсаар өнгөрөн явахад нь уртаар санаа алдав. Нар жаргаж харуй бүрий болсон тэнгэрт бүртийх ч үүлгүй, сар хэдийн гарч, бас хэд хэдэн од гялалзаж харагдана. Хадер нойтон үсээ сул унжуулж биеэ алчуураар ороон душнээс гарч ирэх үед гадаа хэдийн харанхуй болсон байлаа. Орон дээр хэвтэж байсан Наижл түүн рүү харахгүйг хичээлээ. Хадер сандал дээр сууж нүүрэндээ тогшилт хийх зуур - Хаа холдож халуун устай юм байна гэв. Наижл зурагтаар гарах сагсан бөмбөгийн тэмцээнээс харцаа салгалгүй толгой дохилоо. Байдлаас харахад энэ орой тийм ч хөгжилтэй өнгөрөхгүй бололтой. Хадер тэмцээнд анхаарлаа хандуулан Наижлын хэвтэж байсан орны хөлд очиж суув. Тоглолтын сүүлчийн хэдхэн мөчид багууд тэнцчихжээ. Хадерын утсанд дуудлага ирэхэд харвал энэ Донна байлаа. Хадер Доннад өөрсөддөө тохиолдсон явдлаа хурдан яриад утсаа таслах хэрэгтэй байгаагаа тайлбарлав. - Чамайг гомдоомооргүй байна. Би Англиас ирэх утасны дуудлага хүлээж байгаа юм. Хадер утсаа таслаад Наижлыг харан - Тэр чамд сайн юм шиг байна гэж шоглосxийн хэллээ. Өөрт нь эвгүй санагдсан ч Наижл - Чи тэгж бодож байна уу? гэж хэлээд аль болох гэмгүй царай гарган толгой дохихыг оролдов. - Тэгэлгүй яахав. Донна их хөөрхөн бүсгүй. - Тийм шүү. Тэр бас Хожмын үеийн Гэгээнтнүүд шиг харагддаггүй. Донна нөхрөөсөө салсан гэдгийг чи мэдсэн үү? - Мэдсэн. Хадер хоолойныхоо өнгийг өөрчлөн инээмсэглэснээ - Би та хоёрыг машинд ярилцаж байхад чинь сонссон гэлээ. Наижлын зүрх бараг зогсчих шиг болон - Үнэн үү? гэж хэлэх үед ходоод нь гэнэт базлав. Хадер толгой дохилоо. - Үнэн. Наижл цэхлэн суугаад - Чи бүгдийг нь сонссон уу? гэж асуув. - Ихэнхийг нь. - Өө. Наижл юу хэлэхээ мэдэхээ байжээ. Хадер Наижлд ойртон орон дээр лавхан суухад үснээс нь угаагч шингэн үнэртэв. Тэр инээмсэглэхээ больжээ. - Доннагийн зөв гэж Хадер хэлээд Наижлын нүдийг эгцлэн харснаа - Заримдаа шууд бууж өгөхгүй байх нь зөв юм байна гэлээ. Тэгээд Наижлд бүр ойртож суугаад - Хонгор минь хэмээн хэлэв. Хадер инээмсэглэж байлаа. Наижл толгойгоо Хадер луу хурдан эргүүлж дээрээс нь тонгойх мөчид өнгөрсөн бүх зүйл мартагдлаа. Тэр сэтгэл дотроо бүгд өнгөрсөн гэж хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Наижл бүсгүйг өөр лүүгээ татаж, тэдний уруул ам нийлэх үед түүний бүх биеэр цахилгаан гүйдэл гүйх шиг болов. Тэр Хадерын уруулыг шимэн шимэн үнслээ. Хадерын гар хуруу Наижлын цамцны товчийг тэмтчинэ. Хамаг бие сэтгэлийг нь баглаж байсан хүлээс алдарсан Наижл өөрийн эрхгүй гиншив. Наижл Хадерын харцанд баяр баясгалан гэрэлтэхийг олж харах мөчид тэр нүдээ анилаа. Тэр банны алчуурны зангилааг тайлахаар гараа сунгав. Хадерын утас дуугарлаа. Тэр нүдээ хурдан нээснээ - Үгүй ээ, үгүй гэлээ. Тэр биеэ татаж аваад үсээ хойш нь илж, доод уруулаа хазсанаа - Би дуудлаганд хариу өгөх ёстой гэж шивнэлээ. Орноос өндийн боссон Наижл утасны цаана байгаа этгээдийн нүүрийг дэлсээд авмаар санагдав. Энэ буурчийн газрын эзэн байх гэж тэр боджээ. - Сайн уу, Грант. Хадер их л бухимдсан маягтай дуугарав. Энэ Фостер байна гэж мэдсэн Наижл байдал өөрчлөгдөхийг анзаарлаа. Дөнгөж сая түүнд маш сайхан байсан сан. Наижл угаалгын өрөөнд орж нүүрээ хүйтэн усанд булхав. Түүнийг өрөөнд буцан орж ирвэл Хадер яриагаа дуусгасан байлаа. Хадерын санаа их зовсон байдалтай харагдана. - Юу болсон бэ? - Гэри Стами алга болчихжээ. Тэр хамгаалалттай байранд байсан юм. Түүнийг хамгаалж байсан цагдаагийн ажилтан нар алагдсан гэнэ. - Есүс минь гэж Наижл амандаа бувтналаа. Тэд хоёулаа хэдэн хором чимээгүй сууцгаав. Наижл юу хэлэхээ мэдсэнгүй. Гэнэт нэг хүн хаалга тогшиход тэр хоёр цочлоо. Наижл Хадер луу харвал нөгөөх нь толгой дохиж харагдав. Наижлыг хаалга руу очих үед дахиад тогшлоо. Энэ удаа арай зөөлхөн. - Хаалгаа онгойлгохоос өмнө шагайвчаараа хар гэж Хадер түүнд шивнэв. Наижл шагайвчаар харлаа. Нэг охин. Ажлын хувцсаа сольж өмссөн охиныг тэр эхлээд таньсангүй. Гэнэт санаанд нь орж ирлээ. Энэ нөгөө цайны газарт харсан зөөгч охин байв. Наижл гинжийг хурдан мулталж хаалгаа онгойлгоод - Сайн уу? гэлээ. Харцаа доош буулгасан охин их айсан байртай харагдана. Тэр эхлээд нэг ч үг хэлсэнгүй. Хадер босож Наижлын дэргэд очин гадагшаа машины зогсоол руу харснаа - Орооч гэж охинд хандаж хэлэв. Охин доошоо ширтсэн хэвээрээ өрөөнд орж ирлээ. Тэр энд яаж ирсэн юм бол? гэж Наижл бодлоо. Машины зогсоол дээр өөр машин харагдсангүй. Түүнд нэг л болгоомжлох сэтгэл төрсөн ч Хадерт итгэж байлаа. Тэр хаалгаа хааж гинжийг хоногт нь буцааж хийгээд цоожийг эргүүлэв. Охины хамаг бие салгална. - Би хувцаслаадахъя гэж Хадер хэлээд угаалгын өрөө рүү явлаа. Юу хэлэхээ ч мэдэхгүй байсан Наижл охиныг хөтлөн ширээний дэргэд аваачиж суулгав. Хувцсаа өмссөн Хадер өрөөнд буцаж орж ирлээ. - Чи цайны газар ажилладаг байх аа? гэж тэр асуусанд охин толгой дохив. - Чи энд яаж ирсэн юм бэ? - Би алхаж ирсэн. Түүний акцент сонин сонсогдсон ч нэг л танил юм байх шиг. Арваад километр алхаж ирсэн тэр ингэж чичрэхээс ч яахав дээ. - Нөмрүүлэх юм аваад өг гэж Хадер Наижлд хандаж хэлэв. Наижл хүрмээрээ охины мөрийг хучаад хэдэн нүүр гарын алчуур өвөр дээр нь тавилаа. Тэгээд хуванцар савтай ус өгвөл охин уснаас нэг том балгав. - Баярлалаа. - Зүгээр дээ гэж Наижл хариуллаа. - Чамайг хэн гэдэг юм бэ? Охин харцаа өргөж Хадер, Наижл хоёрыг ээлжлэн харав. - Леони, Леони Стами. Тэр Эссекс, Өрнө зүгийн Америкийн аялга холилдсон акцентаар ярьдаг ажээ. Айснаасаа болж байдгаараа чичирч байсан охин үнэнээ хэлжээ. Хадер охин руу нүүрээ харуулан орны өнцөг дээр сандайлан суулаа. Наижл хана түшин зогсов. - Биднийг энд байгаа гэж чи яаж мэдсэн юм бэ? гэж Хадер асуулаа. Леони шууд хариулсангүй, харцаа буулган гараа харж хэсэг суув. Охин насандаа баймгүй их зовлон туулсан бололтой харагдана. - Ээжийг амьд байхад би хангалттай олон цагдаа харсан. Та нарыг анх хоолны газар орж ирэхэд, дараа нь сүмд очиж ажиглалт хийснийг чинь сонсоод намайг хайж ирсэн гэдгийг чинь мэдсэн. - Тэгээд л чи энд ирсэн юм уу? - Би өөрийнхөө хүмүүсийг хэцүү байдалд оруулахыг хүсээгүй юм. - Өөрийн хүмүүс ээ? - Либертид амьдардаг миний гэр бүлийнхэн. Хадер амьсгалаа гүн авлаа. - Гэр бүл гээд байгаа тэр хүмүүс чинь тэгээд хэн юм бэ? Охин толгой сэгсрэв. - Би энэ талаар яримааргүй байна. Надаас мэдэх гэсэн юмаа л асуу, дараа нь та нар эндээс явах хэрэгтэй. Би та нарыг тийшээ дахиж очин тэдний хэрэгт битгий дурлаасай гэж бодсондоо наашаа ирсэн. - Зүйтэй, тийм байдаг байжээ. Тэд хэсэг чимээ аниргүй сууцгаалаа. - Либертид яаж ирснийг чинь би асууж болох уу? Чамайг алга болсны дараа яг юу болсон юм бэ? - Би алга болоогүй гэж охин хайхрамжгүй хэлээд - Би өөрөө хүссэн учраас тэндээс зугтсан. Ээж мансууруулах бодисонд хэт донтсоноос үхсэн. Шинээр амьдралаа эхлэхэд минь тэр эрэгтэй надад тусалсан. - Тэр эрэгтэй гэж хэн бэ? - Би түүний нэрийг хэлэхгүй ээ. - Ойлголоо гэж хэлээд Хадер толгой дохилоо. - Танай гэрт ирж чамтай Бурхны тухай ярилцдаг байсан хослол өмссөн нөгөө эр мөн үү? Охин хөмсгөө зангидав. - Энэ талаар та яаж мэдсэн юм бэ? - Гэри энэ тухай бидэнд ярьсан юм аа. Хүүгийн нэрийг сонсоод охин хамаг биеэ чангалах нь илт анзаарагдав. - Тэр сайн байгаа юу? Хадер хурдан хариулсангүй хэсэг дуугүй суулаа. - Леони, чи бидэнд бүгдийг ярих хэрэгтэй байна. Гэхдээ үнэнийг. - Тэд дүүд маань муу юм хийсэн юм биш биз? Би тэдэнд дүүгээр минь оролдож болохгүй гэж сануулсан юм сан. - Тэд гэж хэн бэ? Охин дуугаа хураачихав. - Тэр эрэгтэй хэн байсныг чи бидэнд хэлэх хэрэгтэй, Леони. Тэр одоо Либертид байгаа юу? Охин толгойгоо сэгсэрлээ. - Тэр зөвхөн намайг энд хүргэж ирсэн. Дараа нь тэр яваад өгсөн. - Тэр англи хүн үү? - Тийм ээ. Тэр надтай садан төрлийн холбоотой. Гэхдээ миний ах, нагац авга ах биш, холын хамаатан. Тэр нялх байхдаа хүнд өргүүлсэн гэсэн. Тэр Антони Чапман байжээ гэж Наижл бодлоо. Леони яриагаа үргэлжлүүлэв. - Тэр насанд хүрсэн хойноо садан төрлөө хайж байхдаа Сара Хортон нарын үйлдсэн гэм нүглийг олж мэдсэн гэсэн. Хэдэн жилийн өмнө тэр Үнэн бодит Эрх чөлөөний Сүмтэй холбоо барьж, энд ирж хамтдаа амьдрахыг хүссэн. Харин тэд нар түүнд тэдний даалгаврыг биелүүлэх үүрэг өгчээ. Тэгээд тэр эхлээд надтай уулзаж сүм болон энд байдаг миний гэр бүлийнхний тухай, тэдэнтэй урьд өмнө юу тохиолдсон талаар надад ярьж өгсөн. Тэр намайг ятгаж чадсан. Түүний хэлсэн бүхэн миний амьдарч байсан орчноос хамаагүй дээр санагдсан учраас түүнийг хамт явах уу гэж асуухад нь би шууд зөвшөөрсөн. - Тэгэхээр чи өөрөө хүссэн учраас хамт явсан байх нь ээ? - Нээрэн шүү. Гэрт нь хэдэн долоо хоног хамт байх үед тэр надад их сайн хандаж байсан. Тэр надад шинэ нэр ус, шинэ паспорт олж, дараа нь бид наашаа ирцгээсэн. Эхний үед надад их хэцүү байсан, гэхдээ одоо би дасчихсан. Дараа нь тэр дахиад ямар нэг юм хийхээр яваад өгсөн. Би энд үлдэж хүнтэй гэрлэсэн. - Гэрлэсэн гэнэ ээ? - Хэрвээ чи арван дөрөв хүрсэн бол сүм гэрлэхийг чинь зөвшөөрдөг юм. Тийм учраас надтай муу юм тохиолдоогүй. Би тэдний үр үндсийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Харин бусад нь үхэх ёстой. Гэригээс бусад нь. - Яагаад Гэри биш гэж? - Би тэднээс гуйсан учраас. Хадер энэ бүгдийг тайван суугаад ярьж байгаа охин руу маш их цочирдсон бололтой харж байгааг Наижл ажиглав. Хагас хүүхэд, хагас насанд хүрсэн, хагас Эссекс, хагас Америк болсон, дөнгөж арван хэдтэйдээ гэрлэхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог, шашны нэг бүлэглэлийн ятгалгаар төрсөн нутаг Англи орноо орхиж гарсан, өсвөр насны энэ охин энэ замыг хамгийн зөв сонголт байсан гэж ярилаа. Хадер охинд Гэригийн алга болсон тухай хэлэхэд хэцүү байгааг Наижл ойлгожээ. - Бас нэг охин сураггүй алга болсон. Өчигдөр чиний нэрний өмнөөс ёслол үйлдсэн тэр хүмүүс бүгд алагдсан. - Өө, би тэр талаар мэднэ. Тэд бүгд үхэх ёстой байсан юм. - Чи сая юу гээд хэлчихэв ээ? Леонигийн нүдэнд уур хилэн илэрлээ. - Сара, Хортон нар сүм болон сүмийн номлогчоос урваж, уучилж боломгүй нүгэл үйлдсэн. Тэдний буруугаас болж бүхэл бүтэн гэр бүл салж сарнин, арван найман хүн үхэж үрэгдсэн. Би, бид бүгдээрээ, тэдний хийсэн нүглийн үйлийн үр байсан болохоор шийтгэлээ амсах ёстой. Сүм тэдний үр хойчийг эрж олсон. Одоо тэд нар цусан тахилгыг гүйцээн хийж байгаа. - Сонсооч, Леони. Гэри сураггүй алга болсон гэж Хадер үгээ зөөн аяархан боловч тод нухацтай хэллээ. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй харагдаж байсан охины царай хувирч үл итгэсэн шинжтэй болов. - Би тэднийг Гэрид гар хүрч болохгүй гэж хэлсэн. Хэзээ нэг өдөр Гэри бидний хажууд ирнэ гэж охин хэлснээ гэнэт уурлаж толгойгоо сэгсчив. -Та нар намайг хуурч байна. Намайг өөрсөдтэйгээ хамт авч явах гэж нэг муу хөгийн үлгэр зохионо гэнэ ээ. Охины царай аймшигтай харагдана. - Чи муу өөдгүй янхан гэж тэр Хадер луу хашгирлаа. Эссексийн бяцxан охин Ютагийн мухар сүсэгтэй авгай болон өөрчлөгджээ. - Леони, бид чамайг энд хайж ирээгүй. Чамайг энд байгаа гэдгийг чинь ч мэдээгүй гэж Хадер дууныхаа өнгийг ширүүсгэн хэллээ. Охин бүр төөрөлдчихсөн бололтой, харцаа Хадер, Наижл хоёр дээр ээлжлэн тусгав. - Гэхдээ яагаад ...? - Хүмүүс алагдаж, нэг охин алга болсон учраас бид энд ирсэн. Чиний итгэх итгэхгүй чинь бидэнд огт хамаагүй, харин дүү чинь алга болсон. Чамайг энэ шашин гэж нэрлэсэн хөгийн юмандаа итгэдэг эсэх чинь надад огт хүртээлгүй. Харин чи одоо Гэритэй нас чацуу үеэл чинь гэртээ буудуулан нас барж, дараа нь гэрийнхээ арын цэцэрлэгт эцгийнхээ цогцосны хамт хаягдсан байхад дүү чинь яагаад үхэх ёсгүй гэдгийг надад тайлбарлаад өг. Тэдэнд чи Гэрийг алж болохгүй гэж хэлсэн болохоор дүүг чинь тэд нар алахгүй гэж чи бодсон юм биз дээ? Арван хэдтэй нэг жаахан охин эсэргүүцсэн учраас аль эрт 1890 онд өш хонзонгоо авахаар өргөсөн тангаргаасаа няцаж, гэр бүл хоорондоо үүрд мөнхийн холбоогоор холбогдох боломжоо алдахыг тэд зөвшөөрнө гэж үү? Тэд чамайг дөнгөчихсөн байна, Леони. Одоо чи энэ үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Леониг харахад дотроо өөртэйгөө зөрчилдөж байгаа нь илт байлаа. Нүдэнд нь нулимс цийлэгнэж харагдана. - Леони, одоо дахиж хүн үхэх ёсгүй. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй. Чи Гэриг хувь заяанд нь даатгаад хаяж явсан. Харин одоо бидэнд тусалж түүнийг олох боломж чамд гарч байна. Чамайг энд дагуулж ирсэн тэр нөхрийг хэн гэдэг юм бэ? Леони хамраа шуухитнуулан уйлж эхэллээ. - Доминик. Би түүнийг Гэрид зөвхөн сайн хандана л гэж бодсон. Тэр Гэриг асарч хүмүүжүүлэх сайн хүмүүс олж өгнө гэсэн. Дүүг маань төрсөн эцэг эх шиг нь хайрлах тийм хүмүүс. Бас тэр шинээр амьдрахад нь туслахын тулд Гэрид мөнгө өгнө гэсэн. Би дүүгээ очиж авна гэж төлөвлөж байсан, нээрэн шүү. Леони нулимсаа арчлаа. - Тэр Доминик гэгч яг хэн юм бэ? гэж Хадер асуув. - Мэдэхгүй. Зүгээр л Доминик. - Түүний овгийг мэдэх үү? - Тэр надад овгоо хэзээ ч хэлж байгаагүй. Хадер охиноос Доминик гэгч эрийг дүрслэн хэлэхийг хүслээ. Түүнийг дөч орчим настай, бараан өнгийн үс, цэнхэр нүдтэй, царайлаг, боловсон яриатай гэж Леони хэлжээ. Овгийн нэрийг нь мэдэхгүй учраас эрж олох боломж тун бага ч Наижл охины яриаг үг бүрчлэн тэмдэглэж байлаа. - Тэр хаана амьдарч байсан бэ? - Тэр Плаастовт орон сууцтай байсан ч тэнд түр зуур сууж байгаа гэсэн. Тэр тэнд байх дургүй болохоор удахгүй төрсөн эцэг эх нь амьдарч байсан Бетнал Грийн рүү очиж амьдарна гэж байсан. Тэнд тэр өөрөө маш богинохон хугацааг өнгөрүүлсэн гэнэ лээ. Харин Бэкингемширийн хавьцаа өсөж өндийсөн гэж тэр нэг удаа ярьсан. - Бэкингемширт гэж чи хэлэх гэсэн юм уу? гэж Хадер охины хэллэгийг засан асуулаа. - Тийм ээ. Леони Плаастовт байдаг нэг гудамжны нэрийг дурьджээ. Үрчлүүлсэн гэдгээс өөр зүйлийн талаар Доминикоос мэдсэн эсэхийг Хадер Леонигоос асуув. - Тэр ямар хүмүүст үрчлүүлсэнийг чи асуусан уу? Леони толгой сэгсэрлээ. - Тэр нэг эгчээсээ бусад гэр бүлийнхнийгээ үзэн яддаг гэсэн. Гэр бүл нь баян хөрөнгө чинээтэй. Эцэг нь шар айраг хийдэг аж ахуй эрхэлдэг. Тэр надад өөр юу ч яриагүй. Уучлаарай. Леони одоо өсвөр насны арван долоотой охин шиг харагдана. Наижл түүний хэлсэн ярьсан бүгдийг тэмдэглэж аваад Доминикийн шинж төрхийг тусад нь бичлээ. Тэр Ийст Эндийн шар айраг үйлдвэрлэдэг баян айлд үрчлэгдсэн ажээ. Энд хоорондоо авцалдаж өгөхгүй нэг зүйл байлаа. Ютагийн алс буйд, хаягдсан энэ газарт Доминик гэгч тэр эр ажлаа эрхлэх боломжгүй баймаар Наижлд санагджээ. Гэнэт Леони - Намайг гэрт минь хүргээд өгөөч гэлээ. - Чи Англи руу гэж хэлэх гэсэн юм уу? гэж Хадер асуув. - Үгүй ээ, Либерти рүү. Тэр бол миний гэр орон. Та нар намайг Либертигийн ойролцоо аваачаад буулгачих. - Гэрид юу тохиолдсоныг чи мэдэхийг хүсэхгүй байгаа юм уу? Хэрвээ чи буцаад явах юм бол бид чамтай дахиад уулзаж чадахгүй. Леони мөрөө хавчсанаа - Би энэ талаар Ертөнцийн эзнээс асууна. Тэр надад зөв хариултыг өгч чадна. Харин одоо би гэртээ харих хэрэгтэй гэв. Хадер сонссон зүйлдээ итгэж чадсангүй. - Чи яагаад ингээд байгаа юм бэ? Леони, бидэнтэй хамт Англи руу буц. Либертид чамд хэрэгтэй юм юу ч байхгүй. Тэр хүмүүс бусдыг алахыг юман чинээнд тоодоггүй. Яагаад чи тэдэнтэй үлдэх гээд байгаа юм бэ? - Тэнд миний бяцxан хүү байгаа. Би түүнийг орхиод явж чадахгүй.
_________________ Sakura
Last edited by naran1962 on Jul.04.17 7:04 pm, edited 1 time in total.
|