#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 1:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.19.17 3:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Энэ Оросын тухай уншсан чинь нэг л монголын тухай юм шиг эвгүй санагдаад явчихлаа.

Баярлалаа Цолмон :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.19.17 6:21 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.19.17 6:19 pm
Posts: 2
Энэ дууссан юм болов уу.....


Top
   
PostPosted: Apr.24.17 12:06 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 20.

Дейна дөнгөж сэрээд Томтой утсаар ярив.
- Та элчин сайд Хардитай дахин уулзаж ярилцаагүй юу? гэж Том асуужээ.
- Уулзаагүй. Мань хүн надад гомдсон шиг байна билээ. Том, би тантай уулзах хэрэгтэй боллоо.
- Ярьж тохирлоо. Хөлсний тэрэг бариад Уран сайхны театрын тэнд байдаг Боярын клубт хүрээд ир.
- Тэр чинь хаана байдаг юм бэ? Би очиж үзээгүй...
- Жолооч мэдэж байгаа. Шинэ машинд битгий суугаарай.
- Энэ тухай надаа хэлж байсан.
Дейна баахан халшран гадаа гарч ирэхэд хүйтэн салхи улин исгэрч байлаа. Шинэ дулаан пальто өмссөн нь яамай! Нөгөө талын байшин дээр Цельсийн хорин есөн градусыг заасан бичиг харагдана. Бурхан минь, эндхийн хүмүүс яаж амьдардаг болж байна?
Зочид буудлын үүдэнд шинэвтэрхэн машин зогсож байв. Дейна гэдрэг ухарч, тэр машинд зорчигчид суухыг хүлээв. Харин бузгай хуучирч муудсан дараачийн машины дэргэд хүрч очиход жолооч нь нэгийг асуух байдлаар харжээ.
- Би...урьен...
Хэд дахин оролдсоны эцэст
- Урьен.. .тиетер.. .гэх аялахад жолооч
- Боярын клуб үү? хэмээн асуужээ.
- Тийм, тийм.
Машин хөдөлж гудамж дүүрэн олон машин дундуур сүлжилдэн давхиж, даарч бээрсэн ганц-хоёр явган хүмүүсийг ардаа орхин хурдалж явахад хот тэр чигээрээ бүдэг саарал өнгөтэй аалзны торонд торлогдон хучигдсан мэт санагдаж байв. Дейна яагаад ч юм, энэ нь гагцхүү цаг агаарын байдлаас болоогүй болов уу хэмээн боджээ.
Боярын клуб түүнд орчин цагийн тохилог сайхан газар шиг санагджээ. Үүдний танхимд савхин бүрээстэй буйдан, буйдан сандлуудыг эвтэйхэн байрлуулжээ. Цонхны хажууд Дейнаг хүлээж суусан Том Дру,
- Олохгүй гэж айгаад байсан хүн чинь олоод ирлээ шүү дээ гэхэд Дейна түүний өөдөөс харан сууж,
- Англиар ярьдаг жолооч таарлаа гэжээ.
- Нээрэн тийм үү? Та их азтай хүн юм. Ганц ч гэсэн нааштай юм байгаа нь хачирхалтай. Энэ хөөрхий болсон улс орныг харахад үхэж байгаа динозавр санаанд ордог юм. Орос орон агуу том улс гэдгийг та мэдэх үү? Америкийн Нэгдсэн улсаас бараг хоёр дахин их нутаг дэвсгэртэй, цагийн арван гурван бүсэд хуваагддаг, арван дөрвөн улстай хил залгадаг. Арван дөрвөн улс шүү! Бодоход аймаар шүү.
- Гайхалтай юм байна. Уинтроптой хамтран ажиллаж байсан орос хүмүүстэй уулзаж болох уу?
- Тийм хүн... маш олон бий. Оросын засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ байгаа.
- Үүнийг би ойлгож байна. Бусдаас илүү ойр дотно байсан хүмүүс байгаадаа. Ерөнхийлөгч...
- Арай доогуур зиндааны нэг хүнтэй уулзаж болох юм. Уинтроп гуай Александр Ждановтай тун ойр дотно байсан.
- Жданов гэж ямар хүн бэ?
- Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны захирлаар ажилладаг юм. Уинтроп тэр хоёр зөвхөн албан ёсны хүлээн авалт дээр төдийгүй хувийн журмаар уулздаг байсныг би лавтай мэднэ гээд Дейнагийн өөдөөс харж байснаа,
- Дейна, та юунд хүрэх гэж зүтгээд байгаа хүн бэ? гэхэд бүсгүй,
- Би өөрөө ч мэдэхгүй байна гэж үнэнээ хэлжээ.
Эдийн засгийн хөгжлийн товчоо нь Озерная хэмээх гудамжинд бүхэл бүтэн хорооллыг эзэлсэн аварга том улаан тоосгон байшинд байх ажээ. Үүдний танхимыг хамгаалсан хоёр цагдаа байхаас гадна ширээний ард бас нэг цагдаа суужээ.
Дейна тэр цагдаа руу очоод эвлүүлж ядан,
- Өдрийн мэнд хэмээн мэндэлсэн болов.
- Сайн байна уу...
- Уучлаарай, би Жданов захиралтай уулзах хэрэгтэй юмсан. Би "Вашингтон трибьюн" гэдэг телевизийн сувгийн сурвалжлагч Дейна Эванс гэдэг хүн байна.
Нөгөө цагдаа ширээн дээр байсан нэрсийн жагсаалтыг гүйлгэн уншаад толгой сэгсэрч,
- Та уулзахаар болзсон юм уу? гэв.
- Болзоогүй, гэвч...
- Та уулзах хүмүүсийн жагсаалтад бичүүлэх учиртай шүү. Та америк хүн үү?
- Тийм.
Багцалсан маягтаас нэгийг авч Дейнад өгөөд,
- Үүнийг бөглөж бичнэ үү гэхэд Дейна толгой дохиж,
- Одоохон бичээд өгье. Би өнөөдөртөө багтаад Ждановтай уулзаж болох уу? гэв.
Өнөөх цагдаа хий үзэгдэл харсан юм шиг хоёр нүд нь орой дээрээ гарч,
- Би ерөөс ойлгодоггүй юм. Танай америк хүмүүс түймэр унтраах гэж байгаа юм шиг дандаан яарч явах юм. Та аль буудалд буусан бэ? гэлээ.
- "Севастополь" буудалд буусан. Би ердөө л хэдхэн минут...
Цагдаа хяналтын дэвтэрт нэг юм тэмдэглэв.
- Танд дуулгах болно. Баяртай.
Дейна нэг юм хэлж гуйх гэсэн боловч цагдаагийн царайг хараад шантарчээ.
- Баяртай.
Дейна тэр өдөртөө утасны хонх дуугарахыг чагнан өрөөнөөс гарсангүй өнжив.
Арай гэж өглөө болгоод Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчоо орохоор гарчээ.
Ширээний ард сууж байсан танил цагдаатай,
- Өдрийн мэнд хэмээн мэндэлсэн боловч сайх цагдаа чулуун сийлбэр мэт гөлийж өөдөөс нь харан,
- Би таныг сонсож байна гэжээ.
- Жданов захирал миний хүсэлтийн тухай дуулсан уу?
- Таны нэр хэн билээ?
- Дейна Эванс.
- Уулзах хүсэлтээ хэзээ гаргасан бэ?
- Өчигдөр.
- Ямар хүнд бичүүлсэн бэ?
Дейна уураа барьж ядан,
- Танд гэв.
- Тэгвэл дуулсан байх учиртай. Бүх мэдээллийг тэр дор нь уламжилдаг юм.
- Би Ждановын нарийн бичгийн даргатай уулзаж болох уу?
- Уулзахаар товлосон юм уу?
- Товлоогүй.
- Тэгвэл уучлаарай.
- Тэгээд хэзээ...
- Танд утсаар дуулгана.
Буцах замдаа “Хүүхдийн ертөнц” хэмээн нэрлэгдэх хүүхдийн барааны их дэлгүүрийг хараад Кемалийн тухай санажээ. Дотор нь орж очоод олон хүний шуугианд бага зэрэг дөжирч, ямар нэгэн аятайхан юм олохыг зорин эгнээнүүдийн хоорондуур явж байгаад компьютер тоглоомын тасаг дээр очжээ. Ийм бэлэг Кемальд гарцаагүй таалагдана гэж бодоод дэндүү их үнэтэй ч гэсэн нэг диск худалдаж аваад, товчооноос утасдаж магадгүй хэмээн яарч буудалдаа очихоор гарав.
Буудалд ирээд хий дэмий хүлээж цагийг өнгөрөөжээ. Оройн зургаан цагт зоогийн газарт орохоор гарах гэж байтал удтал хүлээсэн утасны хонх дуугарахад яаран авбал Том Дру байсан юмсанж. Тэрээр,
- Сэтгэлээ зовоогоод яахав, болох л байлгүй. Харин та Москвад байгаа завшааныг ашиглаж эндхийн гайхамшигтай зүйлүүдийг үзэж харах боломжийг битгий алдаарай. Өнөөдөр Кремлийн их хурлын Ордонд "Жизель" дуурь тоглоно. Та үзмээр байна уу?
- Хэлээд яахав! Та намайг урьж байгаа юм уу?
- Цагийн дараа дайраад очъё.
Том хэлсэн амандаа хүрч яг товлосон цагтаа иржээ. Хөлсний тэргэнд сууж хэдхэн минут яваад Кутафийн цамхгийн дэргэд очиж зогслоо.
Дейна тэр ид шидийн сайхан үдшийг мөддөө мартахгүй биз ээ. Сайхан найрал хөгжим хосгүй чадварлаг тоглож, бүжигчид нь гарамгай тоглолтын их ид шидийг гайхалтай сайхан харуулжээ. Тэдний тоглосон олныг хамарсан бүжиг л гэхэд дэлхийн ямар ч театрын нэрийг мандуулж чадахаар гарамгай сайхан болж байлаа.
Цаг хугацаа дорхноо өнгөрч тоглолтын нэгдүгээр хэсэг дуусаж, гэрэл аслаа.
Тоглолтын хоёрдугаар хэсэг эхэллээ.
Хоёрдугаар хэсэг нь нэгдүгээр хэсгээсээ дутахгүй гаргуун сайхан байсан боловч Дейнагийн санаа сэтгэл сарниж, хүмүүстэй ярьж байсан зарим зүйл санаанд нь оржээ.
- Тейлор Уинтроп бол үл бүтэх этгээд, ховор тохиолдох өөдгүй новш байсан юм. Их ухаантай тэр хог ховорхон тохиох зальхай аргаар намайг мэхэлсэн болохоор...
- Золгүй явдал болсон юм. Габриель минь сайн хүү байсан юмсан...
- Уинтроп бол Манчиногийн гэр бүлийн ирээдүйг балласан хүн...
Тэр хоёр Кремлээс гарч машинд суусны дараа Том баахан шан тарсан янзтай, -Манайд очиж ган ганц хундага юм балгавал яасан
юм бэ? гэлээ.
Дейна анх удаа тэр хүнийг анхааралтай харвал, ухаалаг, бусдыг өөртөө татах ялдам сайхан зантай, өө хэлэх юмгүй эр байв. Жефф биш байсан нь л түүний ганц дутагдал гэлтэй.
- Ямар шалтаг зааж татгалзах талаар бодож амжаагүй байтал өөрийн эрхгүй,
- Баярлалаа, Том. Би чадахгүй гэсэнд Томын урам хугарч,
- Харамсалтай байна. Маргааш болох уу? гэжээ.
- Би дуртай очих сон, гэвч маргааш даанч их ажилтай болоод байна.
Бас тэгээд өөр нэг хүнд ухаангүй дурлачихсан юм.
Дейна шантрахгүй зүтгэхээр шийдэж маргааш өглөө нь нөгөө товчоон дээр очихоор гарчээ. Гэтэл өнөөх улиг болсон цагдаа жижүүртэй байсан учир бас л бүтэлгүй өнгөрчээ.
- Өглөөний мэнд.
- Өглөөний мэнд.
- Намайг Дейна Эванс гэдэг. Би танай захиралтай уулзах гэсэн юмсан. Нарийн бичгийн даргатай нь яриад өгнө үү?
- Нэрээ бичүүлсэн үү?
- Бичүүлээгүй. Би...
Танил болсон зан үйл давтагджээ. Сайх цагдаа баахан маягтыг эргүүлж үзэв.
- Үүнийг бөглөж бичээрэй.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:07 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Урам нь хугарсан Дейна гудамжаар гэлдэрч явахдаа, би юу хайгаад байгаа билээ? Ноднин жил орсон цас хайгаад байна уу? Гэртээ эргэж хариад энэ бүхнийг мартвал хялбар бус уу? гэхчлэн боджээ.
Гэтэл түүнийг ямар нэгэн гөжүүн хүч түлхээд болохгүй байжээ. Тэгээд үл шантран зүтгэхээр шийджээ. Бас тэгээд зогсохгүй. Тейлор Уинтропын тухай олж мэдсэн зүйл нь, цагдаагийн газраас түүний эсрэг хүн амины хэргээр эрүү үүсгэхэд хангалттай болоод байлаа!
Өрөөндөө орох гэж явтал утас хангинах чимээ гарахад гар нь салгалан үүд онгойлгож ширээний тэнд яаран очжээ. Гэтэл Жефф утасдсан юмсанж.
Тэдэнд нэг нэгэндээ хэлж ярих зүйл маш их байсан билээ. Даанч олон юм хэрэгтэй байлаа... Гэтэл Рейчел хүүхэн тэр хоёрын хооронд ихийг шаардсан хий үзэгдэл, эргэж буцашгүй сүүдэр болон тээглэж байсан учир Жефф хэдийд гэртээ эргэж ирэх, өвчтөний биеийн байдал ямар байгаа гэх мэт хэн хэнийх нь сэтгэлийг зовоож байсан зүйлээ ярьж чадсангүй. Эв дүй муутайхан яриа болоод өнгөрчээ.
Дейна нэгэнт горьдлого тасраад байсан болохоор, эдийн засгийн хөгжлийн товчооноос утасдсан нь санаанд оромгүй зүйл болжээ. Сүрхий аялгатай ярьдаг эрэгтэй хүний дуу гарч,
- Дейна Эванс мөн үү? хэмээн асуув.
- Мөн байна.
- Би Жданов захирлын референт Эрик Карбава байна. Та захиралтай уулзах гэсэн үү?
- Тэгсэн.
Одоо нэрээ бичүүлсэн үү гэж асууна даа гэж Дейна бодсон боловч Карбава
- Яг нэг цагийн дараа ирээрэй гэж товчхон хэлжээ.
- Заавал очно. Их...
Утасны харилцуурт тасалдсан дохио дуугарав.
Дейна яарч сандран шүршүүрт ороод, үс гэзгээ янзалсны дараа гадуур цамцаа өмсөх зуур, хөлсний тэргээр явъя хэмээн бодов. Хожимдож очвол өнгөрөх нь тэр!
Дейна яг нэг цагийн дараа эрэмдэг зэрэмдэг дүртэй харагдах нөгөө байшинд бас л дахин очжээ.
Унтууцаж сүржин дүр үзүүлэн ширээний ард суух цагдаа Дейнаг аль хэзээний таньдаг болсон баймаар даа.
- Сайн байна уу. Та хэнтэй уулзах гэж явна?
Дейна албын хүчээр инээмсэглэх аядаж,
- Өдрийн мэнд. Би ноён Ждановтай уулзахаар ирлээ. Намайг Дейна Эванс гэдэг гэв.
Өнөөх цагдаа мөрөө хавчиж,
- Харамсалтай байна, гэвч та бичүүлээгүй бол... гэхэд нь Дейна тэр цагдаагийн тухай, ерөөс оросын хүнд суртлын тухай бодсон санаснаа шууд хэлэхээс эмээн хоёр гараа зангидаж,
- Уулзахаар товлосон юм гэвэл сайх цагдаа эргэлзсэн бололтой инээвхийлж,
- Нээрэн үү? гэснээ утасны харилцуур авч нэг юм асуусны дараа,
- Гуравдугаар давхар. Тэнд таныг тосож авна гэж дуртай дургүй өгүүлжээ. Дейна яаран цахилгаан шатанд оров.
Захирал нь хуучирч больсон том өрөөнд суудаг юм байна. Доторх тавилгыг хориод оноос хойш солиогүй болов уу гэлтэй. Тэр өрөөнд байсан хоёр эр Дейнаг орж очиход найр тавин босож арай ахимагдуу эр
- Александр Жданов хэмээн өрийгөө танилцуулав.
Дейна гайхсан сэтгэлээ сэм дараад өнгөрөв. Тейлор Уинтропын найз нь ийм хүн байна гэж даанч төсөөлөөгүй байжээ! Харин энэ... буурал орж яваа шингэн халимагтай, шаналангуй маягийн дугуй цагаан царайтай, ямар нэгэн юм хайх мэт тогтож ядсан хонин бор нүдтэй халхгар хүрэн костюмтай, элэгдсэн хар шаахай өмссөн тавь эргэм насны намхан нуруутай чийрэг эрийг харахад сонин байжээ.
Мань хүн хэдэн англи үгийг эвлүүлж ядан,
- Энэ бол миний дүү Борис гэж танилцуулахад дүүмэд эр,
- Эванс хадагтай тантай танилцахад таатай байна гэв.
Тэр хоёр хоорондоо даанч төсгүй юм! Ах дүү хоёр тэнгэр газар шиг ялгаатай ажээ. Ахаасаа арваад насаар дүү, хурц шонхор хамар, дөрвөлжин эрүүтэй, итгэл төгс харцтай энэ эр Армани дэлгүүрт байдаг тод цэнхэр өнгийн костюм өмсөж, саарал өнгийн үнэтэй зангиа зүүжээ. Ах Александрыгаа бодвол англиар бараг аялгагүй ярьдаг ажээ.
- Вашингтонд суугаа Оросын элчин сайдын яаманд томилолтоор ажилладаг дүү маань зочлохоор Америкаас ирээд байгаа юм.
- Би таныг болон таны бэлдсэн сурвалжилгуудыг бахархаж явдгаа хэлмээр байна гэж Борис үг хавчуулав.
- Жданов гуай та надад урам хайрлалаа.
Александр Жданов,
- За Эванс хадагтай та ямар хэргээр надтай уулзах болов? Олон улсын эдийн засагт холбогдолтой асуудал гарсан юм уу? хэмээн асуусанд Дейна тоглоом шоглоом болгон гараа дохиж,
- Та юу ярина вэ. Тейлор Уинтропын талаар л асуух гэсэн юм гэвэл Александр учрыг ойлгож ядан мөрөө хавчиж,
- Гэтэл би танд юугаар тусалж чадах билээ? гэв.
- Ийм юм л даа. Таныг Уинтроптай хамтран ажиллаж заримдаа явцуу хүрээнд уулздаг байсан гэж надаа хэлсэн юм.
Александр сэргэмжилсэн байдлаар толгой дохив.
- Тэр хүний тухай таны саналыг сонсох гэсэн юм.
- Би юу хэлэх билээ. Ажилдаа яг таарсан хүн гэж хүмүүс ярьдаг даа. Уинтроп чухам тийм хүн байсан гэдгээс өөр хэлэх юм алга.
- Уинтроп гуай орос хүмүүсийн дунд их нэр хүндтэй байсан болохоор...
- Тэр үнэн шүү. Москвад суугаа элчин сайдын яамд дээр хүлээн авалт их хийдэг, Тейлор Уинтроп хэзээ ч гэсэн... хэмээн Борис ташуур өгтөл Александр нь исгэрэх мэт авиагаар түүний амыг хааж,
- Одоо боллоо. Эванс хадагтай, элчин сайдын яамдын хүлээн авалтад элчин сайд Уинтроп заримдаа ирдэг байсныг Борис хэлэх гээд байгаа юм. Тэр чинь найрсаг сайхан хүн байсан болохоор манай орос хүмүүс түүнд талтай байдаг байсан гэхэд Борис дахин ам нээж,
- Үнэнийг хэлэхэд, Уинтроп дандаан хэлдэг байсан зүйл гэвэл... гэтэл Александр оросоор,
- Амаа тат! гэж зандраад Дейнад хандаж,
- Миний хэлсэнчлэн, үүрэгт ажлаа гойд сайн гүйцэтгэдэг хүн байсан юм гэлээ.
Дейна Борисыг сэм харвал, нэг юм хэлэхийг хичээх боловч ах нь дуугаргахгүй байжээ. Бас нэг оролдоод үзэхээс өөр яах вэ.
- Жданов гуай, Тейлорыг Москвад ажиллаж байхад ямар нэгэн таагүй явдал гарч байсан эсэхийг санах юм байна уу?
- Таагүй явдал уу? Огт мэдэхгүй юм байна гээд Александр харц буруулав.
Энэ хүн худлаа хэлээд байна. Яагаад ингэдэг байна? Яавал үнэнийг хэлүүлэх вэ? Дейна цөхрөнгөө барсангүй.
- Жданов гуай, Хэн нэгэн этгээд Уинтроп, тэдний гэр бүлийг хүйс тэмтрэх болсон шалтгааныг нэрлэж болох уу? Таны санаанд юм орохгүй байна уу?
Ждановын хоёр нүд золтой л бөлт үсэрсэнгүй.
- Уинтроп удмынхныг алах гэж үү? Үгүй дээ үгүй, хаанаас даа!
- Тэгвэл тийм шалтаг огт байхгүй юм шив дээ?
- Үнэнийг хэлэхэд... хэмээн Борис эхэлсэн боловч Александр түүний яриаг тасалж,
- Тиймэрхүү юм огт сонсоогүй юм байна. Уинтроп их сайн хүн байсан юм шүү гээд мөнгөн хайрцаг дотроос янжуур гаргаж ирэхэд Борис асаагуур асаан барив.
- Та өөр юу мэдмээр байна?
Дейна хариу дуугарсангүй, ах дүү хоёрыг ширтжээ.
Эд нар нэг юм нуугаад байна. Чухам юу нуугаад байна? Гарах хаалга нь олддоггүй төөрдөг байшин дотор орсон шиг юм болоод байна. Эндээс ямар ч ашиг олохгүй бололтой...
Дейна Борисын өөдөөс учиртайхан харсны дараа үг нэг бүрийг цэгнэн,
- Баярлалаа. Өөр юмгүй. Тэгж байтал таны санаанд юм орж юун магад, тэгвэл би маргааш өглөө болтол "Севастополь" буудалд байх болно гэтэл Борис сэргэж,
- Нутаг буцлаа юу? гэлээ.
- Тийм. Миний онгоц маргааш ниснэ.
- Би... хэмээн Борис яриа эхлэх гэсэн боловч ахыгаа хараад чимээгүй болов.
Дейна толгой дохин,
- Баяртай гэхэд ах, дүү хоёр нэгэн зэрэг
- Баяртай гэцгээжээ.
Дейна шууд явж буудалдаа ирээд Мэтт Бейкертэй утсаар ярьжээ.
- Энд учир нь олдохгүй нэг юм болоод байна. Гэвч би тэднийг илчилж чадсангүй. Энэ бүхнийг чөтгөр аваасай билээ. Энд хэдэн жил суулаа ч гэсэн юу ч бүтээж болохгүй юм шиг байна. Маргааш нутаг буцлаа.
Энд учир нь олдохгүй нэг юм болоод байна. Гэвч би тэднийг илчилж чадсангүй. Энэ бүхнийг чөтгөр аваасай билээ. Энд хэдэн жил суулаа ч гэсэн юу ч бүтээж болохгүй юм шиг байна. Маргааш нутаг буцлаа.
Бичлэг төгсөв.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:08 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 21.

Далласын нэрэмжит нисэх онгоцны буудалд буухад Дейли хадагтай, Кемаль хоёр угтсанд Дейна гайхжээ. Өргөмөл хүүгээ хэчнээн их санасныг одоо болтол ухаарахгүй явсан Дейна жаал хүүг өөртөө наалдуулан удтал тэврэхэд Кемаль ичингүйрсэн янзтай,
- Сайн уу, Дейна. Хүрээд ирсэн чинь сайхан байна. Надаа оросын баавгай авчирсан уу? гэжээ.
- Авчрах гэж явсан чинь замаасаа зугтаад алга болчихлоо, муу золиг чинь.
- Сэтгэлд бууж байна. Одоо ийш тийшээ явахгүй биз дээ?
- Яагаад ч явахгүй хэмээн Дейна андгайлахад Дейли хадагтай дуу алдан,
- Ёстой гоё мэдээ байна! Эванс хадагтай таныг бүрмөсөн ирсэнд бид хоёр байрлаж байна гэсэнд Дейна инээд алдан,
- Би хэчнээн их баярлаж байна гээч! гэв.
Аз жаргалаар бялхсан өрх гэрийнхэн машинд суугаад явж байхад Дейна,
- За шинэ гар чинь яаж байна, Кемаль? Дасаж байна уу? гэж асуув.
- Дасахаар барах уу!
- Сайн байна, хүү минь. Сургууль дээр яаж байна? Бүх юм зүгээр үү?
- Хэвийн байгаа.
- Зодоон цохио хийгээгүй юу?
- Огт зодолдоогүй.
- Дотор онгойх шиг боллоо! Шинэ сургуульд ороод сайхан байгаад чинь би хачин их баярлаж байна, хүү минь! гээд Дейна амьсгаа авч, хайрын харцаар хүүгээ ширтжээ. Кемаль шал өөр болсон шиг санагджээ. Их тайван, үг дуу цөөнтэй, жаахан ядарсан мэт харагдах ажээ. Түүнийг юу ингэж өөр болгосон нь үл ойлгогдох боловч хүүд дордсон юм байсангүй. Жирийн хүүхэд шиг хүүхэд байлаа.
Дейна үүдний өрөөнд чемоданаа тавиад,
- Би ажилдаа очихоор явлаа. Харин хэдүүлээ оройн хоол хамтдаа иднэ. "Макдоналдс"-т очиж наргицгаая гэжээ.
Жеффтэй хамтдаа очдог байсан газартаа очно.
Ингээд ажил дээрээ эргэн ирдэг байжээ. Бурхан минь, Дейна энд ирээгүй их уджээ. Бүхэл бүтэн зуун жил өнгөрч, бүх юм бага зэрэг танил биш болсон байв. Дейна бүр алмайрч орхив. Би яагаад байгаа юм бэ? Орчны ажил хэрэгч байдалд олигтой жигдрэн орж чадахгүй байлаа. Эцэс төгсгөлгүй ийш тийшээ тэнээд байсан нь ингэж нөлөөлдөг байна уу?
Бейкерийн өрөөнд очихоор явж байхад хүмүүс түүнийг саатуулан зогсоож, мэнд ус мэдэж, гар барин мишээл хайрлах ажээ.
- Дейна чамайг эргэж ирсэнд баяртай байна. Бид нар чамайг их үгүйлж байлаа.
- Би ч гэсэн баяртай байна.
- Хэн хүрээд ирэх нь энэ вэ! Сайн явсан уу?
- Баярлалаа, их сайн явсан.
- Бид нар чамайг эзгүй хоорондуур тэвдүүхэн байсан шүү.
- Одоо гэрээс гарахгүй байхыг хичээнэ.
- Бид бүгдээрээ чамайг санаад...
Мэтт, Дейнаг харахын хамт шогшрон гайхсандаа исгэрч,
- Чиний байж байгааг! Царай нь зэвийгээд турчихсан байна! Хий үзэгдэл шиг харагдаж байна!
- Сайхан үгээр магтсанд чинь баярлалаа.
- Суугаач.
Дейна хэлсэн ёсоор суув.
- Чи огт унтаагүй юм уу, хаашаа юм?
- Бараг унтаагүй дээ.
- Ингэхэд, чамайг байхгүй болохоор манай рейтинг огцом унасан.
- Урам хайрлалаа шүү.
- Чамайг бууж өгсөнд Эллиот бөөн баяр болно доо. Дейна энэ хэргийг дэмий барьж авсан юм гэж үглээд, чиний төлөө их зовж байгаа шүү.
Өөрөө ч гэсэн Дейнагийн талаар хэчнээн их сэтгэл зовж байснаа хэлсэнгүй. Тэр хоёр удаан ярилцсан боловч энэ мөрдөн шалгах ажлын талаар нэгдмэл саналд хүрч чадсангүй. Дейнаг өрөөндөө орж очиход Оливия хүүхэн босон харайж,
- Яасан сайн юм бэ! Таныг эзгүй байхад энд...
Утасны хонх дуугарч түүний яриаг таслахад нарийн бичгийн дарга харилцуурыг авч,
- Эванс ахайтны ажлын байр байна... Одоохон гээд бага зэрэг мэгдрэн Дейнагийн өөдөөс харж,
- Нэгдүгээр шугамаар Хадсон хадагтай ярьж байна гэв.
- Би очлоо.
Дейна ажлын өрөөндөө орж,
- Сайн уу, Памела! хэмээн мэндлэв.
- Дейна минь хүрээд ирж! Бид хоёр их санаа зовж байлаа! Орос орон бол энэ дэлхийн хамгийн аюулгүй газар арай биш шүү. Одоо цагт бол бүр ч хэцүү байгаа.
- Мэдсээн. Дэндүү сайн мэдсэн. Тэр бүү хэл, найз маань савтай шахмал хий авч өгсөн гээд бод.
- Рожер бид хоёр дандаан таныг дурсдаг байсан. Өнөөдөр таныг цайнд урих гэсэн юм. Та завтай юу?
- Завтай, дуртай очно.
- Гурван цагт болж байна уу?
- Хожимдохгүй очихыг хичээе.
Оройн мэдээллийг бэлдэж өглөөг өнгөрөөжээ.
Хадсоны гэрийн үүдэнд зогсож байсан Сейзар инээмсэглэн Дейнаг угтахдаа царай нь сэргэж,
- Эванс хадагтай! Тантай уулзсандаа их баяртай байна! Эх нутагтаа тавтай морилогтун! гэхэд Дейна,
- Би ч гэсэн баяртай байна, Сейзар! Сайн сууж байв уу? хэмээн хариу өчив.
- Үүнээс сайн гэж юу байхав.
- Гэрийн эзэд...
- Тэд нар энх тунх байгаа. Таныг хүлээж байгаа. Пальтог чинь өлгөх үү?
Зочны өрөөний босгыг алхтал гэрийн эзэд хоолой нийлүүлэн,
- Дейна ирлээ! хэмээн дуу алдаж, Памела хүрч ирээд Дейнаг тэвэрч,
- Золбирсон охин маань хүрээд ирлээ! гэхэд Рожер толгой сэгсрэн,
- Та ядарсан харагдаж байна гэлээ.
- Ганц танд тэгж харагдсан биш бололтой юм билээ.
- Алив суу, суугаач.
Зарц бүсгүй цай, жигнэмэг загасан талх мэтийг оруулж ирэхэд Памела цай аягалав.
Ийнхүү бүх юм бэлэн болсны эцэст Рожер,
- За юу олж мэдсэнээ яриач гэсэнд Дейна уртаар санаа алдаад ярилаа:
- Би хааш ч үгүй гацах шиг боллоо. Шал дэмий их цаг хугацаа зарцуулснаа бодоход гутмаар юм! Дитер Зандер гэдэг нэг хүнтэй танилцлаа. Уинтроп намайг мэхэлж, шоронд хийсэн, намайг шоронд сууж байх хооронд манай гэр бүл галд шатаж үхсэн гэсэн шүү, тэдний минь үхэлд Уинтроп буруутай гэж байх юм.
- Тэгвэл өстөн дайснаа хөнөөх шалтгаан Зандерт байсан юм байна! гэж Памела дуу алдав.
- Тиймээ, бас тэгээд болоогүй гэж байгаа. НАТО-д Франц улсыг төлөөлөн сууж байсан Марсель Фалькон гэгчтэй уулзлаа. Тэдний ганц хүүг машин дайрч орхиод, жолооч нь хэргийн газраас зугтсан юм байна. Уинтропын жолоочоор ажиллаж байсан тэр хүн хэргээ хүлээж, бүх насаараа хоригдох ял авчээ. Харин одоо болохоор, тэр машиныг Уинтроп өөрөө жолоодож явсан гэдэг байгаа.
- Нээрэн юм уу? Би Фальконыг таньдаг байсан юм. Тэр чинь нэг үе Брюссельд сууж байсан хүн гэж Рожер үг дайв.
- Яг үнэн. Тэр хэрэг явдал чухамдаа Брюссельд болсон юм билээ. Фальконд чин үнэнийг хэлсэн гэж нөгөө жолооч нотолж байгаа шүү.
- Улам сонирхолтой болоод байна гээч!
- Хэлээд яахав. Та Венсан Манчино гэдэг хүнийг дуулсан уу?
Рожер хэсэг бодож байснаа,
- Үгүй юм шиг байна гэв.
- Мафийн хүн. Ихээхэн нөлөөтэй. Тейлор түүний охины толгойг эргүүлж, дараа нь нэг луйварчин дээр аваачсан юм байна. Тэр зальхай этгээд үр хөндөхийн оронд савыг нь аваад хаячихсан. Одоо охин нь нэг сүмд, ээж нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг гэнэ.
- Тэнгэр минь!
- Одоо гурван сэжигтэн байгаа боловч би юу ч нотолж чадахгүй байна гэж Дейна хэлсэнд Рожер толгой сэгсэрч,
- Тейлор үнэхээр тийм юм хийж чадах хүн байсан гэдэгт итгэхэд хэцүү юм гэлээ.
- Үүнд эргэлзэх юм огт байхгүй, Рожер. Би тэр хүмүүстэй өөрийн биеэр уулзаж ярилцсан. Энэ олон хүн амины хэргийн ард хэн ч байлаа гэсэн мундаг нарийн зохион байгуулсан байгаа юм. Ямар ч ул мөр үлдээгүй. Аллагыг янз бүрийн аргаар хийсэн болохоор өөр хоорондоо холбоогүй мэт харагдаж байгаа юм. Золгүй явдал тус бүрийн дүр зураг бусдаасаа ялгаатай. Нарийн ширийн зүйлүүдийг маш сайн бодож боловсруулсан. Ямар ч юмыг урсгалаар нь тавиагүй. Бас тэгээд нэг ч гэрч байхгүй шүү. Памела,
- Миний санал уран зөгнөл шиг санагдаж болох юм. Гэвч тэр гурван хүн нэгдэж байгаад өшөө авсан байж болохгүй юу? гэсэнд Дейна толгой сэгсэрч,
- Би үүнд эргэлзэж байна. Тэднийг тус туст нь аваад үзвэл ийм ноцтой хэрэгт хамтран зүтгэгч эрж байхааргүй баян чинээлэг, их нөлөөтэй улс байгаа юм. Энд хэмээс хэтэрсэн үзэн ядалт байгаа юм. Зөвхөн тэдний нэг нь л буруутай.
- Харин хэн нь вэ?
Гурвуулаа маргаж эхэлсэн боловч Дейна гэнэт нэг юм санав бололтой цагаа харж,
- Намайг өршөөгөөрэй. Би Кемалийг "Макдональдс"-т дагуулж очихоор амласан юмсан гэв.
Памела толгой дохиж,
- Тэгэлгүй яахав. Бид ойлгож байна. Зав гаргаж ирсэнд чинь баярлалаа гэхэд Дейна суудлаас босож,
- Амттай сайхан цайгаар дайлж, ёс суртахууны дэм үзүүлсэн та нартаа баярлалаа хэмээн талархав.
Дейна даваа гарагт Кемалийг сургуульд нь хүргэж өгөх замдаа
- Ингээд чамтай өдөр болгон хамт явж байх сан гэж их хүсэж явлаа, хүү минь. Одоо би нэгэнт эргээд ирсэн болохоор бүх юм урьдын байдлаар үргэлжлэх болно гэж хэлсэнд Кемаль эвшээлгэн
- Догь байна гэжээ.
Кемаль өглөөнөөс хойш туж эвшээж байсныг сая л ухаарчээ.
- Чи өнгөрөх шөнө сайн унтсан уу?
- Тэгсэн байх гэж Кемаль эвшээлгэн хариулжээ.
- Чи сургууль дээрээ юу хийдэг юм бэ?
- Уйтгартай түүхийн хичээл, залхуутай англи хэлний хичээл хоёроос гадуур уу?
- Тийм.
- Америк хөл бөмбөг тоглодог.
- Чи дэндүү ядраад байгаа юм биш биз, хонгор минь. Ахиухан амарч байвал илүүдэхгүй шүү.
- Бүх юм о'кей байгаа гээд байхад чинь.
Кемалийн өгсөн хайхрамжгүй хариулт Дейнаг тайвшруулж чадсангүй. Кемаль нэг л бишээ. Эцэж турсан, нэг л дорой. Цоорхой домбо шиг гоожоод хамаг эрчим хүчээ дуусчихсан юм шиг. Жирийн биш тайван болсон байжээ. Эмчид аваачиж үзүүлэх үү? Шинжилгээ хийлгэнэ байгаа. Амин дэм дутагдсан болов уу. Гэтэл... үгүй ээ энэ тухай бодсоны ч хэрэггүй. Одоо ажил дээрээ очих цаг болчихлоо. Оройны мэдээллийн талаар хийх зөвлөгөөн хагас цагийн дараа эхэлнэ.
Өглөөний цаг нисэх адил өнгөрч Дейна ч дуртай нь аргагүй ажил- даа шамдан оржээ. Найртай сайхан хүмүүсийн дунд танил орчиндоо дахин ажиллах нь юутай сайхан бэ!
Ажлын өрөөндөө эргэж ирэхэд ширээн дээр нааж битүүмжилсэн дугтуй байв. Илгээсэн хүний нэр, хаяг байсангүй. Зөвхөн Дейнагийн нэрээс өөр юу ч бичсэнгүй. Дугтуйг хайчлан задалж үзвэл, гарын үсэггүй, мурий сарий бичсэн хэдэн мөр байжээ.
"Эванс хадагтай, танд хэрэгтэй мэдээлэл надад байна. Москвагийн "Союз" зочид буудалд таны нэр дээр өрөө захиалсан байгаа. Онгоцоор маш яаралтай гараарай. Хэнд ч дуулгаж болохгүй шүү".
Танд хэрэгтэй мэдээлэл надад байна.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:09 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Энэ бол хэн нэгний увайгүй тоглоом шоглоом байж таарна. Миний хайж яваа асуултын хариулт Орост хэн нэгэн хүнд байна гэж бодъё. Тэгвэл яагаад тэр хэн нэгэн хүн нь надтай уулзаагүй өнгөрсөн бэ? Ах дүү Ждановтай ярилцаж байхад Борис нэг юм хэлэх гээд байх шиг байсан, гэвч Александр ах нь дуугаргахгүй байсан.
Дейна аргаа баран сандалд суув.
Энэ зурвас яаж яваад миний өрөөнд байж байдаг билээ? Үнэхээр миний мөрийг мөшгөөд байгаа юм уу?
За яршиг, үүнийг мартах нь ээлтэй шиг байна.
Зурвасыг цүнхэнд хийхдээ, гэртээ хариад урж хаяна хэмээн бодлоо.
Дейна тэр оройг Кемальтай хамт өнгөрөөв. Жаал хүү Москвагаас авчирсан компьютер тоглоомыг учиргүй сонирхоно гэж бодсон боловч Кемаль огт сонирхсон янзгүй байснаар барахгүй дөнгөж есөн цаг болж байхад хоёр нүд нь анилдаж,
- Дейна, миний нойр хүрээд байна. Өрөөндөө очлоо гэжээ.
- Тэг дээ, хүү минь.
Дейна хүүгийн араас ширтэж толгой сэгсрэн хоцорчээ.
Кемаль шал өөр болжээ. Бүр миний хүүхэд биш шиг байх юм! Одоо бид хоёр дандаан хамт явах юм чинь дажгүй дээ. Ямар нэгэн юманд шаналаад байгаа бол би учрыг олно.
Харин одоо ажилдаа явалгүй болохгүй.
Зурагтын дэлгэцээс нүд салгалгүй ширтэж суусан хажуугийн байрны оршин суугч микрофоноор,
- Объект, ажил дээрээ очиж оройн нэвтрүүлэг бэлдэхээр явлаа. Жаал хүү унтаж байгаа. Гэрийн үйлчлэгч юм оёж байна хэмээн илтгэв.
- Эфирийн нэвтрүүлэг эхэллээ.
Улаан гэрэл асахын хамт нэвтрүүлэгч цовоо дуугаар,
- Оройн мэнд.
- Та бүхэн Дейна Эванс, Ричард Мелтон нарын хөтлөн явуулдаг WTN сувгийн арван нэгэн цагийн нэвтрүүлгийг үзэж байна гэхэд Дейна инээмсэглэн,
- Оройн мэнд. Би Дейна Эванс байна гэлээ.
- Харин би бол Ричард Мелтон байна.
- Бид энэ удаагийн нэвтрүүлгийг Малайзад болсон аймшигтай эмгэнэлт явдлын тухай мэдээллээр эхэлж байна... хэмээн Дейна мэдээ уншиж эхлэв.
Би энд, энэ ширээний ард суугаад ажиллаж байх учиртай. Хоосон юмны хойноос хөөцөлдөж хорвоо дэлхийгээр хэрэн гүйхийн хэрэг алга.
Нэвтрүүлэг сайхан болж өнгөрөв. Гэртээ харихад Кемаль унтсан байжээ. Дейли хадагтайтай салах ёс гүйцэтгээд орондоо орсон боловч нойр нь хүрсэнгүй.
Танд хэрэгтэй мэдээлэл надад байна. Москвагийн "Союз" зочид буудалд таны нэр дээр өрөө захиалсан байгаа. Онгоцоор маш яаралтай гараарай. Хэнд ч дуулгаж болохгүй шүү.
Энэ бол урхинаас өөр хол очихгүй... Ийм нөхцөл байдалд эргээд Москвад очно гэдэг бол зөвхөн адгийн тэнэг хүүхний хийх ажил. Гэтэл тийм биш бол яах билээ? Хэн нэгэн хүн үнэнийг хэлэх гээд байгаа юм биш биз? Хэн тэгж хар толгойдоо лай хураах юм бэ? Тэр зурвасыг зөвхөн Борис Жданов бичсэн байж таарна. Тэр чинь нэг юм мэдээд байгаа хүн дээ!
Ийнхүү Дейна тэр шөнийг цурам хийсэнгүй өнгөрөөжээ.
Өглөө нь босоод Хадсонтай утсаар ярьж нөгөө зурвасыг уншиж өгөхөд цаадах нь баахан уймарсан бололтой,
- Бурхан минь! Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна! Хэн нэгэн хүний нандин сэтгэл сэргэж, бид Уинтропод чухам юу тохиолдсоныг олж мэдэх юм биш байгаа? гэжээ.
- Магадгүй шүү.
- Энэ чинь аюултай байж магадгүй шүү, Дейна! Надад нэг л аягүй санагдаад байна. Юмыг яаж мэдэх вэ...
- Би явахгүй өнгөрөөвөл бид юу ч олж мэдэхгүй хоцорно.
- Таны хэлдэг зөв болов уу гэж Хадсон зориг муутайхан хариулав.
- Би болгоомжтой байхыг хичээнэ, харин би энэ ажлыг орхиж чадахгүй юм байна.
- Тэгэхээс дээ. Харин надтай байнга холбоотой бай.
- Үүнийг амлая.
Дейна харилцуураа тавиад, аялал жуулчлалын "Корниш" товчоонд очиж Москвад ирж, очих тийз захиалжээ. Өнөөдөр мягмар гараг. Москвад удахгүй болов уу хэмээн найдахаас өөр юмгүй болжээ.
Дейна ажил дээрээс гарахын өмнө, чухам юу болсныг чин үнэнээр дурдсан зурвас бичиж Мэттэд үлдээжээ.
Бас л Кемалийг орхиод явах болсон нь тоогүй байв. Одоо хаашаа ч явахгүй гэж амласны эцэст ийм юм болдог байжээ!
Юу ч болсон хамаагүй, Дейли хадагтайтай ярилцаж учир явдлыг тайлбарлахаар шийдээд гэртээ харихаар явлаа.
- Дейли хадагтай, би бас л ганц-хоёр хоногоор явах болоод байна. Та Кемалийг асарч байгаач гэж гэмшингүй өнгөөр хэлжээ.
- Эванс хадагтай минь, санаа зовсны хэрэггүй. Бүх юм номын ёсоор байх болно.
Хажуугийн байранд суудаг эр зурагт ширтэхээ болиод, нэг утасны дугаар яаран эргүүлэв.
Энэ удаад "Аэрофлот" компанийн онгоцоор Москва орохоор нисэх гэж байхад сэтгэл шаналгасан бодолд автаад тавгүй явжээ.
Би, арслангийн аманд толгойгоо шургуулж байх шиг байна. Тэр зурвас урхи байснаас хол очихгүй. Харин бүх асуултын хариуг сонсох ямар нэгэн боломж гарч байгаа бол түүнийг ашиглалгүй яахав.
Дейна алсын нислэгт бэлдэн, өнгөрөх шөнө нойргүй хоносон учир хоёр нүд нь анилдан унтжээ.
Маргааш өглөө нь Шермеьвев-2 буудлын хөлдүү бетон дээр онгоц газардахын хамт Дейна цүнхээ шүүрч аван, нүдгүй шуурганыг тоосон янзгүй онгоцноос буужээ. Машины зогсоол дээр их олон хөлсний тэрэг дараалан зогссон байв. Дөчин таван минут зогссон Дейнагийн суух ээлж болоход нэг булиа эр урдуур нь дайрах гэсэнд,
- Болиорой. Энэ чинь миний машин гээд сайх эрийг түлхэн зайлуулж тэргэнд суув.
- Хаа хүрэх вэ? гэж жолооч нь оросоор асуухад,
- "Союз" зочид буудал гэвэл нөгөө жолооч өөдөөс нь эргэн харж хэдэн англи үг эвлүүлэн,
- Та үнэхээр тийшээ очих юм уу? гэжээ.
- Яасан бэ? Ямар нэгэн юм нь болохгүй байна уу? хэмээн асуув.
- Тэр чинь тааруухан буудал шүү.
Дейна гэнэт айх шиг болжээ.
Би юу хийж байна? Одоо нэгэнт оройтжээ.
Нөгөө жолооч хариулт сонсохыг хүлээсээр байсан тул,
- Тэнд очноо гэж шуудхан хариулав.
Жолооч мөрөө хавчаад машинаа асаан, хөдөлгөөний урсгал дунд хутгалдан оржээ.
Өрөө захиалаагүй байвал яана? Энэ нь үнэхээр хэн нэгний увайгүй тоглоом шоглоом байсан бол яах вэ?
"Союз" гэдэг зочид буудал нь Москвагийн захад Левобереж гудамжинд байх царай муутай, холторч шалбарсан хүрэн өнгийн будагтай байшин байх ажээ.
- Би хүлээх үү? гэж жолооч асуусанд Дейна,
- Хэрэггүй гэж бараг шуудхан хэлжээ.
Мөнгөө төлөөд машинаас бууж хүйтэн салхинд туугдан будаг нь ховхорсон үүдний танхимд орж очиход ширээний ард суусан ахимаг насны бүсгүй сэтгүүл уншиж байв. Дейна өнгөт хавтан суулгасан шалан дээгүүр гутлын өсгий тачигнуулан алхахад нөгөө эмэгтэй гайхан харжээ. Дейна тайван явж ширээний дэргэд очив.
- Та юу гэж явна?
- Намайг Дейна Эванс гэдэг. Надад өрөө захиалсан байгаа юмсан.
Ингээд амьсгаа даран хүлээж байтал нөгөө бүсгүй толгой дохин,
- Тийм байна, Эванс гээд ардаа байсан өлгүүрээс түлхүүр авч өгөөд,
- Дөрөвдүгээр давхарт, дөрвөн зуун хоёр гэж уцаарлан гуй хэлжээ.
- Маягт бөглөх үү?
- Яах юм бэ. Ганц хоног юм чинь, одоо мөнгөө өг.
Дейна дахиад л айх шиг болжээ. Үйлчлүүлэгчийг бүртгэж авдаггүй зочид буудал Орост баймааргүй сан. Нэг л биш оргиод байна даа.
- Таван зуун рубль гэж жижүүр хэлсэнд Дейна зөрж,
- Би мөнгө солиулах хэрэгтэй. Дараа өгье гэв.
- Үгүй. Одоо өг. Доллараар өгч орхи.
- Тэгье.
Цүнхээ уудалж нэлээн хэдэн дэвсгэрт гарган барьтал нөгөө эмэгтэй шуналтай нь аргагүй шүүрэн авчээ. Дейнагийн бодлоор бол, барагтайхан зочид буудал худалдаад авч болохоор мөнгө шиг санагджээ.
- Цахилгаан шат хаана байна?
- Цахилгаан шат байхгүй.
Дейна амандаа,
- Бурхан минь гэж үглэн, тээш зөөх хүн байхгүй нь мэдээж тул цүнхээ чирэн дээш өгсөв.
Дейнагийн бодсоноос долоон дор, зайгүй давчуу, хог новшиндоо баригдсан, уранхай хөшигтэй, ор дэвсгэрийг хурааж янзлаагүй өрөөнд оржээ. Борис надтай яаж холбоо барих гэж байгаа юм бол?
Энэ нь занга байж болох талтай ч гэсэн үл таних тэр хүн ингэж явдал удахын хэрэг юу билээ?
Орны ирмэг дээр сууж, хир тортог болсон цонхоор дүнсгэр гудамжийг харав.
Би үнэхээр маанаг, адгийн тэнэг амьтан юмаа! Энд хэчнээн хүлээх болж байна? Тун амархан мэхлэгдлээ...
Хаалга зөөлөн тогшиход Дейна алмайран босож, энэ нууцын учир одоо тайлагдана, эсвэл ямар ч нууц юм байгаагүй болж таарна хэмээн бодов.
Хаалга дутуу онгойлгон харвал нэг ч хүн байсангүй, харин шалан дээр нэг дугтуй хэвтсэнийг авч, үүдээ түгжээд үзвэл жижигхэн хуудас цаасан дээр хэдхэн үсэг, тоо байжээ:
"АААОҮ. 21:00"
Дейна ямар ч ойлголтгүйгээр хуудас цаасыг харж баахан суусны эцэст цүнхэн дотроосоо хөтөч зураг гаргаж үзжээ. "АААОҮ - Ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн" гэж тайлбарлаад хаягийг бичсэн байв.
Найман цагт гадаа гарч, нэг царай муутай машин зогсоож үсэг нэг бүрийг хичээнгүйлэн дуудаж,
- АААОҮ гэсэнд жолооч ихэд гайхаж,
- АААОҮ үү? Одоо хаалттай байгаа шүү дээ гэжээ.
- Тийм үү?
- Явах уу, яах вэ?
- Явнаа.
Жолооч мөрөө хавчаад машин ухасхийн хөдлөв.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:10 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Нийслэл хотын зүүн хойт хэсэгт орших эл үзэсгэлэн нь их том газрыг эзэлдэг ажээ. Хөтөч зурагт өгүүлснээр, хуучин Зөвлөлт холбоот улсын ололт амжилтыг илтгэн харуулах зорилгоор энэ үзэсгэлэнг байгуулсан бөгөөд харин одоо улс орны эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр болсон энэ үед санхүүжүүлэх ажил зогссон учир энэхүү нүсэр том хүрээлэн нь сүйрсэн эзэнт улсын өмхөрсөн хөшөө төдий болон үлджээ. Аварга том үзэсгэлэнгийн танхимууд нь аажим аажмаар доройтон унасан байх агаад олон танхимыг жижиг дэлгүүрүүдэд түрээслэн өгсөн байх тул өдрийн цагт хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Харин хөхөө өвлийн хүйтэн хайрсан энэ орой энэ хүрээлэнд хүн амьтангүй, тэр бүү хэл шөнийн гэрлүүд асахгүй байв.
Дейна хөлсний тэрэгнээс бууж, хэдэн долларын жижиг дэвсгэрт гарган,
- Энэ болох... гэтэл жолооч түүний яриаг таслан,
- Бололгүй яахав гэхийн хамт шүүрч аваад алга болж өгөв.
Дейна эргэн тойрныг харвал амьд амьтны бараа байсангүй тул дотогш орж жаахан цаашаа яваад бандан сандалд суув. Одоо Борис гараад ирэх учиртай байлаа.
Дейна, амьтдын хүрээлэнд очиж, Жоан нэгэнт үхсэнийг мэдэхгүйн харгайгаар хүлээж байснаа эргэн санажээ. Гэтэл өнөөх Борис бас...
Тэгтэл эрэгтэй хүний сөөнгөдүү дуу гарч, сэтгэл түгшүүлсэн бодлын хөврөлийг тасалжээ.
- Оройн мэнд.
Дейна цочин балмагдаж золтой л хашгирсангүй. Яагаад юм бэ, Бористой уулзана гэж Дейна бат итгэсэн байжээ. Гэтэл түүний ах нь ирсэн байв.
- Ноён захирал! Би таныг гэж бодсонгүй...
- Намайг дагаад яваарай гэж Александр товчхон хариулаад үг хэлэхийн завдалгүй хүрээлэнгийн гүн тийш гүйхэд Дейна тээнэгэлзсэн боловч араас нь явлаа.
Мань хүн нэг танхимын хананд тулган барьсан донжтой царайтай цайны газарт орж нэг мухарт нь суув. Тэнд эрэгтэй, эмэгтэй хоёроос өөр хүн байсангүй. Дейна ширээнд дөхөж очин суухад Александр ядарсан маягийн хоол зөөгчид,
- Хоёр аяга кофе өгөөч гэснээ Дейнад хандаж:
- Таныг ирнэ гэдэгт эцсийн мөч хүртэл эргэлзэж байсан юм. Гэтэл миний тавьсан өгөөш хэргээ бүтээсэн юм байна. Та дэндүү махруун хүн юм. Энэ чинь аюултай чанар шүү гэжээ.
- Та миний сонирхож байгаа зүйлийн талаар ярьж өгье гэж бичсэн байсан.
- Тэр үнэн.
Хоол зөөгч хүүхэн хоёр аяга кофе авч ирэв. Александр шоржигнуулан балгаад хэсэг чимээгүй болов.
- Тейлор Уинтроп, тэдний гэр бүлийнхэн үнэхээр алагдсан эсэхийг та мэдэхийг хүссэн байхаа?
Хэн нэгэн хүний бахим гар Дейнаг багалзуурдах шиг санагджээ.
- Үнэхээр тэгсэн юм уу?
Жданов нэг л хачин хагас шивнэсэн дуугаар,
- Тэгсэн юм гэхэд Дейна жихүүцэх мэт мөрөө хавчив.
- Тэр нь хэн бэ?
Александр захирангуй маягаар өрөөсөн гараа өргөж,
- Би үүнийг хэлнэ, харин давын өмнө та надад тус болох ёстой байна гэсэнд Дейна сэрэмжлэн,
- Юугаар туслах вэ? гэжээ.
- Намайг Орос орноос гаргаад өгөөч. Надад аюул нүүрлээд байна.
- Та шууд л онгоцны тийз худалдаж аваад нисвэл яасан юм бэ? Одоо чинь орос хүмүүс хилийн дээс алхахад чөлөөтэй болсон гэж би ойлгож байгаа.
- Эрхэм Эванс хадагтай минь, тань шиг ийм гэнэн зантай хүн одоо болтол амьд яваад чинь гайхаж байна. Хуучны коммунист журам үйлчлэхээ больсон нь үнэн, гэлээ ч гэсэн таны зөвлөснөөр хөдөлбөл намайг онгоцны буудал хүрэхээс өмнө нам буудна. Манай хана туургууд урьдын адил нүд, чихтэй хэвээрээ байгаа. Таны туслалцаа зайлшгүй хэрэгтэй болоод байна.
Түүний хэлсэн үгийн утга учрыг тэр даруйд нь ухаарч чадсангүй. Ждановт ямар аюул нүүрлээд байгааг ойлгосны эцэст,
- Гэвч би чадахгүй... тэр бүү хэл би юунаас эхлэхээ мэдэхгүй байна гэж гунигтай хариулжээ.
- Та туслах ёстой. Та ямар нэгэн арга хайж олох үүрэгтэй. Миний амь нас сохор зоосны үнэгүй болоод байна.
- Америкийн элчин сайдтай ярилцаад үзэх үү? гэж Дейна санал гаргахад Жданов бараг хашгиран,
- Тэгж болохгүй! хэмээн дуу алдав.
- Гэтэл энэ бол миний хийж чадах ганц...
- Танай элчин сайдын яамаар дүүрэн байдаг урвагчид ийм яриаг тэр дор нь цааш дамжуулна. Тэгвэл хамаг юм өнгөрөх нь тэр. Миний хэлсэн зүйлийг та, танд тус дэм үзүүлэх хүнээс өөр хэн ч мэдэх учиргүй. Танай элчин сайдын хүчин мөхөсдөнө.
Дейнагийн хамаг бие алдран суларчээ. Энэ чинь хүний санаанд багтах ажил мөн үү? Нэг чухал түшмэл эрийг Орос орноос гаргана гэж байгаа шүү! Ганц муурыг ч хилийн дээс алхуулж чадахгүй шүү дээ! Мань хүн намайг мэхэлж байгаа бус уу? Америк оронд шилжин суурьших хэрэглүүр болгон ашиглаж байгаа бус? Тэгвэл энэ аялал маань дэмий ажил удсанаас өөр юмгүй болж таарна...
Уур нь хүрсэн Дейна,
- Жданов захирал аа, би танд тус болж чадахгүй юм шиг байна гэж хэлээд босов.
- Хүлээгээрэй! Танд нотолгоо хэрэгтэй юу? Нотолгоо гаргаж болно шүү.
- Чухам ямар нотолгоо байна?
Жданов удтал чимээгүй байсны эцэст,
- Та намайг эцсийн арга хэрэглэхэд арга буюу тулгалаа. Уг нь би ингэхгүй гэж бодож байсан юм, гэтэл яалтай билээ! Явцгаая гэжээ.
Жданов жолооны ард сууж, Олон улсын эдийн засгийн хөгжлийн Товчооны байшингийн ар талаар орж, харанхуй байсан ажлын өрөөг онгойлгон орж ирээд,
- Танд ярьсан зүйлийн төлөө намайг буудан хороож болох талтай, гэвч өөр арга даанч алга гээд аргаа барсан байдлаар хоёр гараа тэлэв.
- Би энд үлдвэл тэртэй тэргүй цаазлуулах хүн.
Дейна сандалд сууж, Жданов захирал хананд суулгасан төмөр шүүгээний хаалгыг кодоор онгойлгож, "Нууц" гэсэн бичигтэй том хавтас гаргаж ирэхийг харж суулаа.
- Энд зэвсэглэлийн нөөцийн тухай нууцалсан бүх мэдээлэл байдаг юм гэж Александр тайлбарлаад нөгөө хавтсыг ширээн дээр тавилаа.
Хавтасны хуудас эргүүлж эхлэхэд Дейна амьсгаа даран ширтэв. Бөмбөгдөгч онгоц, сансрын хөлөг, баллистик пуужин, пуужин эсэргүүцэх байгууламж, автомат зэвсэг, танк, шумбагч хөлгийн өнгөт гэрэл зургууд байна.
- Орос орны бүх зэвсгийн сан энд байгаа юм.
Юутай аймшигтай вэ! Энэ их зэвсгээр дэлхийн аль ч улс орныг устгах чадалтай ажээ.
- Одоо Орос улсад мянга гаруй тив хоорондын баллистик пуужин, хоёр мянга гаруй цөмийн зэвсгийн хошуу, алсын зайны далаад бөмбөгдөгч байгаа. Хар даа... шинээр хийгдсэн зүйлүүд энэ байна... "Акрид", "Афид", "Анаб", "Арчер" гээд л... Манай цөмийн зэвсгийн нөөц Америкийн нэгдсэн улсынхаас дутуугүй шүү.
- Тун сүрлэг юм байна.
- Харамсалтай нь, манай зэвсэгт хүчин бэрх цагийг туулж байгаа юм. Хямрал нүүрлээд байна. Армид зарцуулах мөнгө байхгүй, эр зоригийн үзэл санаа өдрөөс өдөрт унасаар байгаа. Цэрэг дарга нарын дунд завхрал би болсон. Одоо үе нь горьдлого муутай, ирээдүй үе нь бүр ч доройтох төлөвтэй байгаа болохоор манай цэргийнхэн өнгөрсөн үедээ хандах болоод байна.
- Гэтэл би ямар уялдаа холбоо байгааг... Орос орон хэт их гүрэн байсан цагт бид нар Америкийн Нэгдсэн улсаас илүү хэмжээний зэвсэг үйлдвэрлэж байсан болохоор одоо тэр асар их нөөц хэвээрээ байгаа юм. Урьдын адил байж л байгаа, дэлхийн улс орон ийм зэвсгийг гартаа оруулах гэж тоймгүй их зардал гаргахад бэлэн байгаа. Энэ бол олон тэрбум долларын үнэтэй зэвсэг шүү.
- Жданов гуай, таны асуудлыг би ойлгож байна харин...
- Энэ бол асуудал биш.
- Асуудал биш юм уу? Тэгвэл асуудлын гогцоо юунд байгаа юм бэ? гэж Дейна гайхан асуув.
- Та Красноярс-26 гэгчийн тухай сонссон уу? гэж Жданов болгоомжлон асуусанд Дейна толгой сэгсэрч,
- Огт сонсоогүй хэмээн хариулав.
- Үүнд гайхах юу байхав. Тэр чинь нэг ч газрын зурагт байхгүй, тэнд аж төрдөг хүмүүсийг албан ёсоор данснаас хасагдсан улс байгаа юм.
- Би ойлгохгүй юм. Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Та өөрөө үзээрэй. хоёулаа маргааш тийшээ ниснэ. Жин үдэд нөгөө цайны газарт уулзамз.
Жданов ингэж хэлээд хүүхний гарыг бяцартал атгаж сулхан дуугаар,
- Нэг ч хүнд үг цухуйлгаж болохгүй шүү, мэдэв үү? Эс тэгвэл таны амь нас сохор зоосны үнэгүй болно гэв.
Жаахан азнавал гарын яс гэмтэж магадгүй болжээ!
Дейна сулхан дуугаар,
- Та гар тавина уу! Би бүгдийг ойлголоо! гэсэнд,
- Ярьж тохирлоо. Таныг доод давхар хүртэл гаргаж өгье. Тэгээд дараа нь өөрөө яваад хариарай гэж Жданов толгой дохин хэлээд гэдрэг ухрав.
Дейна бараг ухаантай ухаангүй хоёрын хооронд зочид буудлын үүдний танхимаар ороод, дөрөвдүгээр давхарт гарахад зуун жил өнгөрөх шиг болжээ. Хир буртаг болсон онгоцонд орж хагас дутуу угаасан болоод орондоо орж, үхсэн юм шиг унтжээ.
Гай барцад ёрлох мэт чийг даасан баргар өглөө болсон байв. Дейна дуртай дургүй босоход хүйт даасан эвгүй байв. Александртай уулзахын өмнө хаа нэгтээ очиж цай уух хэрэгтэй байлаа.
Жижигхэн зоогийн газарт очиж шарсан өндөг идэж, загасан талхтай кофе ууж аваад жин үд болоход нөгөө цайны газарт ирсэн байлаа. Арван таван минут...хагас цаг...
Жданов алга л байз.
Одоо яах билээ? Амь насаа алдахаас айж байна гээд байсан. Арай муу ёрын зөн совин нь биелээгүй биз дээ?
Нэг мэдэхнээ хаанаас гараад ирснийг бүү мэд, Жданов хажууд нь зогсож байв.
- Цаг нөхцөөгөөд яахав. Дэлгүүрээр орж юмаа авцгаая гэхэд үл итгэсэн Дейна,
- Юм авна гэнээ? хэмээн лавлав.
- Бушуу яваарай.
Дейна шогших нь холгүй түүнийг дагалаа.
- Бид юм авч яах юм бэ?
- Танд авч байгаа юм.
- Надад юу ч...
Жданов нэг машин барьж худалдааны төв орно гэв.
Тэр хоёр замдаа ам ангайсангүй.
Жданов жолоочид мөнгө төлсний дараа, дотроо олон жижиг дэлгүүртэй нүсэр том саравчтай аварга том худалдааны төвд орж, ичиж зовмоор содон чамин эмэгтэй хувцас тавьсан нэг дэлгүүрт очоод,
- Яг хэрэгтэй юм энд байна гэж Жданов хэлэв.
Дейна тэнд тавьсан хямд үнэтэй муусайн юмыг жигшин харж байснаа,
- Бид энд юу хийж байгаа билээ? гэж асуусанд,
- Та имижээ солих хэрэгтэй байгаа юм, тэгэхлээр хувцсаа бас өөрчлөх учиртай гэлээ.
Тэднийг угган авсан худалдагч хүүхэнтэй оросоор хэдэн үг сольсны дараа хөх ягаан өнгийн оготор банзал, бараг бүсэлхий хүрсэн ухлаадастай гялтганасан өнгийн гадуур цамц авч ирэхэд Жданов сайшаан толгой дохиж,
- Докторын бичсэн жортой яг таарч байна. За өмсөөрэй гэхэд Дейна ухарч,
- Би яасан ч өмсөхгүй. Та намайг хэн гэж бодоод байна? Яах гэж үүнийг... гэтэл Жданов огт тоосон янзгүй,
- Өмсөх л болно доо гэв.
- Гэтэл яагаад?!
- Та үзэх болно.
Сексийн донтой монди байх нь гээч! Би юунд ороолдох нь энэ вэ, чөтгөр ав?!
Жданов яльгүй тохуурхсан янзтай,
- За яах вэ? Шийдэв үү? гэжээ.
Дейна усны эргүүлэгт орох гэж байгаа юм шиг аргаа барж -Тэгэхээс дээ гэж хэлээд хувцас тааруулах давчуу өрөөнд орж шинэ өмсгөл өмсөөд,
- Завхай эм шиг болчихсон байна! гэж чанга хэлэхэд Жданов, -Арай болоогүй байна. Гоо заслын тал дутагдаж байна гэв.
- Гэвч, ноёнтоон...
- Урагшаа!
Дейнагийн өөрийн хувцас жижигхэн уутанд багтжээ. Дулаан пальто өмсөж, бүсээ чангалан булай муухай хувцсаа бага боловч халхлав. Гэвч энэ нь олигтой болоогүй бололтой. Яагаад гэвэл, тэр дундуур явахад хүмүүс хараа сунгаж, эрчүүд нь учрыг ойлго сон байдлаар инээмсэглэхээр барахгүй нэг ажилчин нүд ирмэж,
- Нааш ир! гэж дуудахад Дейнагийн хамаг бие арзас хийжээ.
Гоо сайхны дэлгүүрийн үүдэнд очиж Жданов түрүүлэн ороход Дейна дэмий л тээнэгэлзэн араас нь оров. Жданов лангууны дэргэд очиж,
- Хурц өнгөтэй уруулын будаг бас улаан өнгийн будаг авъя гэлээ. Худалдагч хүүхэн улаан өнгийн уруулын будаг, мөн улаан будаг харуулахад Жданов тэр бүхнийг авч Дейнад бариад мушилзан,
- Гойд сайхан таарч байна! Зузаан будаарай гэхэд хүүхний тэвчээр барагдаж,
- Больё оо, баярлалаа! Жданов гуай та ямар тоглоом сэдээд байгааг мэдэхгүй юм, гэвч би түүнд чинь оролцохгүй. Бишгүй нэг боллоо гэтэл Жданов ууртайгаар ширэв татан хараад,
- Эванс, энэ бол тоглоом биш гэдгийг хэлье. Красноярск - 26 бол хаалттай хот. Би бол тэнд орох эрхтэй цөөн тооны томчуудын нэг. Тийшээ янхан хүүхэн аваачихыг хэдхэн хүнд зөвшөөрдөг юм, тэгэхдээ нэг өдрөөс хэтрэхгүй хугацаагаар шүү. Харуулыг аргалж таныг тийшээ оруулах цорын ганц арга бол энэ байгаа юм... Бас төлбөрийн журмаар хэрэглэх нэг авдар шилдэг архи хэрэгтэй болно. За тэгээд шийдэх үү?
Хаалтай хот гэв үү? Бас харуул хамгаалалт гэнэ үү? Энэ бүхэн яаж дуусдаг бол?
- Тэг. тэгье. Тийшээ явцгаая гэж Дейна аман дотроо гөвтнөх төдий болов.


Top
   
PostPosted: Apr.24.17 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Баярлалаа. Энэ Сидни дандаа нэг ийм баахан гэмт хэрэгтэн бх магадлалтай сэжигтэн гаргаж ирнээ. Тэгээд нэг хамгийн гэмгүй харагдаж бгаа нь дандаа гэмт хэрэгтэн бдийн. Энэ удаа бас хэн юм бгаан. Тэр нэг гэртээ уриад бгаа эхнэр нөхөр 2 байж магад л юм.

Дахин баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.26.17 11:55 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 22.

Тэр хоёр зах дээрээс гараад нисэх онгоцны Шереметьев-1 буудалд хүрч очиход онгоц хөөрөх талбайн нэгээхэн хэсэгт цэргийн тээврийн онгоц хүлээж байв. Тэр хоёроос өөр зорчигч байсангүйд Дейна гайхжээ.
- Бид нар хаашаа нисэх болж байна? хэмээн Дейна зориг гарган асуусанд Жданов уруу царайтай мушилзан,
- Сибирь орно гэжээ.
Сибирь гэнээ?
Айсан Дейнагийн дотор хүйтэн оргижээ.
- Ойлгомжтой.
Дөрвөн цаг нисжээ. Дейна, юу гээчтэй учрах гэж байгааг тодруулах гэж яриа өдөж үзсэн боловч Александр дуугаа хураачхаад болсонгүй.
Ийнхүү явсаар цасан цөлд газардахад царцсан хүйтэн бетон дээр "Лада" машин зогсож байлаа.
Дейна орчин тойрны нэгэн хэмийн байдлыг гунигтай харж,
- Бидний зорьсон газар... эндээс хол уу? гэж асуулаа.
“Би эндээс эргэж харих тавилан байгаа болов уу?
- Энүүхэнд ойрхон. Харин сэрэмжтэй, болгоомжтой байгаарай.
“Болгоомжтой гэнээ? Юунаас болгоомжлох юм бэ?”
Машин, хөлдүү овон товон газар дээгүүр цовхрон давхисаар төмөр замын жижиг өртөө гэмээр юман дээр иржээ. Зорчигчийн тавцан дээр нэхий дээл өмсөж, чихээ хүртэл дулаалсан арваад хамгаалагч хоёр хөл дээрээ ээлжлэн зогсох ажээ. Тэд нар Дейнаг хармагц тачаангуй инээмсэглэж байв.
Нэг хамгаалагч Дейнаг чичлэн зааж исгэрэн,
- Яасан азтай чөтгөр авмар вэ! Ийм гоё хүүхнийг урхидаад авдаг гээч! гэхэд юу ч ойлгоогүй Дейна хөмсөг өргөж, Жданов нэг юм хэлэхэд харуулууд халаглан хоцров.
Дейна, тэд нар юун тухай яриад өнгөрснийг асуухгүй өнгөрөхөөр шийджээ.
Хоёр вагон чирсэн цахилгаан зүтгүүр ирэхэд Жданов алмайран будилсан Дейнаг чирэн вагонд оржээ.
Цахилгаан тэргэнд суугаад энэхүү уйтгартай цагаан тундрийн хаана очих болж байна?
Галлаж дулаацуулдаггүй вагон дотор гадаа байснаас дор хүйтэн бололтой.
Цахилгаан тэрэг хөдөлж хэдхэн минут яваад уулын тэхий голоор нүхлэн гаргасан хурц гэрэлтэй туннельд орж ирэв. Дейна айж балмагдан цонхоор жирэлзэн өнгөрөх асга хадыг ширтэж явахдаа, эрүүл саруул ухаанаас огт гадуур аймшигт юманд гэнэт орооцолдсон тухай бодол санаанаас нь гарахгүй байлаа.
- Уучлаарай, бид нар хаа хүрэх гэж яваа билээ? гэж асуутал вагон тар түр дугтчин чимээгүй болов.
- Зорьсон газартаа ирчихлээ.
Тэр хоёр вагоноос бууж, зуугаад метрийн цаана байх хоёр эгнээ өргөст тороор хүрээлж, буутай цэргүүдээр харгалзуулсан, цементээр өнгөлсөн хачин янзын хэлбэртэй байшин тийш явлаа.
Тэднийг харсан буутай цэргүүд номхон зогсон хүндэтгэл үйлдэв.
- Миний гараас хөтөлж, намайг чимээтэйхэн үнсээрэй гэж Жданов шивнэн тушаав.
“Намайг ингэж яваа гэдэгт Жефф яагаад ч итгэж чадахгүй биз.”
Дейна, Александрын хүзүүгээр тэврэн авч хацар дээр шуугьтал үнсээд тачигнатал инээд алдав.
Том хаалга хоёр тийшээ гүйж онгойход мань хоёр хөтлөлцсөн чигээрээ дотогш оржээ. Харуулын цэргүүд, чухал зочин, будаг шунх болсон завхай хүүхний араас харж, атаархан хоцорчээ.
Нөгөө хачин янзын байшин шиг юм нь газрын гүнд уруудан ордог цахилгаан шат маягийн төхөөрөмж байх юм гэж Дейна огт бодоогүй ажээ. Тэр хоёрыг цахилгаан шатанд орохын хамт хаалга нь тар нир гэсэн чимээ гарган хаагдав.
Шатны бүхээг хөдлөнгүүт,
- Бид хаашаа уруудаж байгаа юм бэ? гэж Дейна асуужээ.
- Уулан доогуур орж байгаа юм.
- Ийм гүнзгий юм уу.
- Зуун наян метрийн гүнд байгаа юм.
Дейна итгэж ядан толгой сэгсэрч,
- Зуун наян метр гэнээ? Ямар учиртай юм бэ? Тэнд юу байдаг юм? гэж асуув.
- Үзээрэй л дээ.
Бүхээгний хурд сааран зогсож хаалга онгойход,
- Хүрээд ирэх нь энэ, Эванс хадагтай гэж Жданов хэлжээ.
Харин хаана ирснийг хэн мэдлээ? !
Тэд бүхээгнээс гараад хоёр алхаж ч амжаагүй байхад мэл гайхсан Дейна хөшин зогсжээ. Ямар нэгэн учир битүүлэг байдлаар зоогийн газар, хоршоо дэлгүүрийн хаяг солонгорон туяарсан, гэрэл гэгээ гялбасан гудамжинд ирсэн байжээ. Гудамжаар зугаалж яваа олон хүмүүс пальто өмсөөгүй байхыг Дейна гэнэт анзаарахад өөрөө бас халууцаж эхэлжээ.
- Бидний дээр үнэхээр уул байгаа юм уу?
- Тийм гэдгийг андгайлъя.
Дейна алмайран эргэн тойрныг ажиж,
- Гэвч...би юу ч ойлгохоо байлаа. Энэ чинь яадаг газар вэ? гэлээ.
- Би танд ярьсан даа. Красноярск-26 байхгүй юу.
- Бөмбөгдөлтөөс хоргодох байр ухааны юм уу?
- Бүр үүний эсрэг гээч гэж Жданов учир битүүлэг байдлаар уянгалуулан хариулжээ.
Дейнагийн хоёр нүд дахин орой дээрээ гарч тохилог сайхан байшингуудыг ажиглан харжээ.
- Жданов гуай, тэгвэл энэ маань ямар зориулалттай газар болж байна?
- Уг нь та үүнийг мэдээгүй өнгөрвөл ээлтэй юмсан. Гэлээ ч гэсэн би хэлж өгье. Харин муу юм болохоос сэргэмжилж яваарай!
Дейнагийн сэтгэл түгшиж эхлэв.
- Та плютонийн талаар мэдэх үү?
- Олигтой мэдэхгүй. Радио идэвхт бодис гэдгийг л мэднэ... Өөр мэдэх юм алга шиг.
- Плютоний нь цөмийн зэвсгийн түлш болдог эд. Бас атомын зэвсгийн үндсэн элемент нь плютоний. Чухам энэ зориулалтаар Красноярск-26 хотыг байгуулсан юм. Энд цэвэрлэсэн плютоний үйлдвэрлэж гаргадаг. Зуун мянган эрдэмтэн, инженер техникчид энд ажилладаг юм. Анхан үедээ тэргүүн зэргийн хангамжтай байсан газар. Хамгийн шилдэг хоол хүнс, хувцас хунар, орон сууц энд л байсан. Харин хүмүүсийг элсүүлэхдээ нэг болзол тавьдаг юм.
- Ямар болзол вэ?
- Хэзээ ч энэ хотын хязгаараас гарахгүй байх болзолтой.
- За байз энэ чинь...
- Тэд нар газрын гадаргуу дээр гарах эрх байхгүй. Бусад хотод оршин суудаг анд найзууд, хамаатан садан нь эргэж ирэхийг хориглосон байдаг болохоор гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан улс байгаа юм. Дейна зөрөн гарах хүмүүсийг хараад нүдэндээ үл итгэн, ийм байх учиргүй хэмээн боджээ.
- Плютонийг хаана үйлдвэрлэдэг болж байна?
- Би танд үзүүлнэ.
Буудалд трамвай дуу чимээ болон ирж зогсов.
- За сууцгаая.
Дейна, Ждановыг даган трамвайнд оров. Хөл хөдөлгөөн ихтэй олон гудамжаар явсаар бүдэг гэрэлтэй, учир нь олдохын аргагүй туннельд оржээ. Энэ хотыг байгуулахад ямар их хөдөлмөр зарцуулсныг Дейна үзээд үнэхээр гайхсаар байв.
Хэдэн минут явсны дараа трамвай хурц гэрэлтэй газарт гарч ирээд, уужим саруул том лабораторийн үүдэнд зогслоо.
- Хоёулаа энд бууя.
Дейна бас л мэл гайхан эргэн тойрныг харвал, асар том агуй дотор гурван мундаг реактор байх ажээ. Хоёр реакторыг зогсоосон бололтой, харин нэг нь ажиллаж байх бөгөөд техникчдийн бүхэл бүтэн баг ажиллаж байх юм.
- Гурав хоног тутамд нэг атомын бөмбөг үйлдвэрлэхэд хүрэл цэх хэмжээний плютонийг энд үйлдвэрлэж болно. Энэ гурван реакторын зөвхөн нэг нь жилд үйлдвэрлэн гаргадаг хагас тонн плютоний нь хэдэн зуун атомын бөмбөг хийхэд хүрэлцээтэй юм. Хажуугийн өрөөнд хадгалагдаж байгаа нөөц бол асар их үнэтэй хөрөнгө болж байгаа юм.
- Тэгвэл яагаад энэ ажлыг зогсоодоггүй юм бэ? гэж алмайран гайхсан Дейна асуув.
- Танай Жозеф Келлер зохиолчийн бичсэн "Ов заль-22" гэдэг романыг уншсан уу? Энэ реактор нь хотыг цахилгаан эрчим хүчээр хангаж байдаг болохоор түүнийг зогсоож болохгүй. Түүнийг зогсоовол уур дулаан, гэрэл гэгээ байхгүй болж, хүмүүс нь тэр дорхноо мөсөн баримал болох учиртай.
- Аймаар юм! Хэрэв...
- Хүлээгээрэй. Бас цаана нь юм бий. Одоо энэ байдал хяналтаас гарах дээр тулаад байгаа юм. Орос орны эдийн засгийн байдлаас шалтгаалаад эндхийн хүмүүст олгох цалингийн мөнгө олдохгүй байгаа. Энэ улсууд цалин аваагүй хэдэн сар болсон. Тохилог сайхан байшингууд доройтож муутаж байгаа ч гэсэн засвар хийх хөрөнгө алга. Урьд нь үзүүлж байсан элдэв хөнгөлөлт, давуу талууд үеэ өнгөрөөсөн. Хүмүүс балмагдлын ирмэг дээр ирчхээд байна. Хачирхалтай гунигт байдал бий болоод байгааг харж байгаа биз дээ? Энд учиргүй олон тэрбумын үнэтэй плютоний хэвтэж байдаг, гэтэл хүмүүс нь халаасандаа сохор зоосгүй, бараг өлсгөлөнд нэрвэгдээд байна шүүдээ.
- Эндхийн хүмүүс энэ их плютонийг гаднын улс оронд худалдаж чадна гэж та үзэж байгаа юм уу?
Жданов толгой дохин ярилаа:
- Уинтроп Орост суух элчин сайд болоогүй байхад нь Красноярск-26 хотын тухай түүний танилууд нь хуучлан ярьж, энэ талаар ярьж тохирох боломжийн тухай асуусан юм. Тэгээд, эх орон ард түмэндээ мэхлэгдсэн гэж үздэг эндхийн хэдэн эрдэмтэнтэй ярилц- саны дараа Уинтроп баяр хөөр болон зөвшөөрсөн юм. Гэтэл энэ нь ихээхэн адармаатай зорилт байсан болохоор бүх юм болдгоороо болохыг хүлээх болсон. Тэгэхэд Уинтроп хоосон хийрхсэн амьтан шиг болчхоод "Толгой гашилгасан энэ ажлын бүх юм одоо л нэг болдгоороо боллоо" гээд л харайлгаад байсан.
Дейнагийн дотор давчдаж эхэлжээ.
- Уинтроп элчин сайд болох гэж ихээхэн махруун хөөцөлдсөн. Хамтран зүтгэгчтэйгээ хамжиж байгаад дургүйцсэн хүмүүсийг худалдан авснаар Ливи, Иран, Ирак, Пакистан, Умард Солонгос, Хятад тэргүүтэй хэдэн арван оронд плютоний гаргаж эхэлсэн юм.
Уинтроп элчин сайд болох гэж улайран зүтгэсэн нь ийм учиртай байх нь! Тухайн нөхцөл байдлыг Уинтропоос өөр хэн хянаж чадах билээ?
Жданов үргэлжлүүлэн ярьсан нь:
- Цөмийн зэвсэг хийхэд яльгүй жаахан плютоний ордог болохоор түүнийг тээвэрлэх талаар хүндрэлтэй асуудал бараг гараагүй. Тейлор түүний хамтран зүтгэгч нар мөнгөн дотор умбаж олон тэрбум доллар хуримтлуулж авсан. Цагийн механизм шиг нарийн боловсруулсан энэ ажиллагааны талаар хэнд ч хар сэжиг төрж байсангүй. Одоо- гийн Орос орон бол чихрийн оронд атомын бөмбөг,танк, бөмбөгдөгч онгоц, цөмийн байгууламжийг хэнд ч хамаагүй худалдаалдаг чихрийн мухлагтай ижилхэн болоод байгаа юм.
Ждановын дуулгасан сэтгэлд багтах аргагүй эл мэдээллийг тунгаан ухаарах гэж Дейна дэмий л оролдсоор байлаа.
- Гэтэл яагаад Уинтропын хөнөөсөн болж байна?
- Мань хүний шунал нь хэтрээд, хамтран зүтгэгчийгээ бизнесээс шахаж гаргах гэсэн юм. Цаадах нь үүнийг сонсоод Уинтропыг янзлах талаар захиалсан байхгүй юу.
- Тэгвэл тэдний гэр бүлийнхэн үүнд ямар хамаатай юм бэ?
- Уинтроп эхнэртэйгээ хамт үхсэний дараа тэдний том хүү нь аавынхаа хамтран зүтгэгчийг шахан сүрдүүлэх гэж оролдсон учраас түүнийг замаасаа зайлуулсан юм. Тэгээд тэдний бусад хүүхдүүд нь аавынхаа хийж байсан ажлын талаар мэдсэн байж болзошгүй гэж бодсон өнөөх алуурчин аз туршиж болохгүй гэж үзсэн юм. Ингээд л хүний гараар могой бариулж тэднийг хөнөөсөн. Тэгэхдээ ууланд болон дээрэм тонуулын үеэр тохиолдсон золгүй явдал болгон харуулахаар шийдсэн юм.
Айн балмагдсан Дейнад хэлэх үг олдохгүй байжээ.
- Харин тэр алуурчин нь хэн бэ? Хэн гэдэг хүн юм бэ?
- Эванс хадагтай та тэртэй тэргүй их юм мэдэж авсан. Намайг Орос орноос гарахад тусалсны дараа тэр хүний нэрийг танд хэлнэ гээд цагаа харж,
- Одоо явцгаая гэжээ.
Дейна, хоногийн хорин дөрвөн цагийн турш үхэл дуудсан плютоний үйлдвэрлэн гаргаж байдаг реакторыг эцсийн удаа нэг харжээ.
- Красноярск-26 хотын тухай Америкийн засгийн газар мэддэг юм уу?
- Мэдээж хэрэг. Энэ бол тэдэнд нүүрлэсэн асар том аюул юм чинь. Энэ хэдэн реакторыг ажилгүй болгох сон гэж танай төрийн Департамент өдөр шөнөгүй толгой гашилгаж байгаа. Гэвч одоогоор... гээд Жданов мөрөө хавчжээ.


Top
   
PostPosted: Apr.26.17 11:57 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Ингээд тэр хоёр буцах замдаа гарчээ. Цахилгаан шатанд орсны эцэст Жданов,
- Та ХСША гэж юу байдгийг мэдэх үү? гэжээ.
- Мэднэ. Харин ХСША үүнд ямар хамаатай юм бэ? гэж Дейна болгоомжлон асуужээ.
- Тэднийх энэ ажилд бас холбоотой юм.
- Юу гэнээ?!
Одоо бүх юм тодорхой боллоо! Намайг айлгах гэж генерал Бустер дандаан оролдоод байсан нь ийм учиртай байжээ!
Тэд нар газар дээр ил гарч цахилгаан шатнаас буухад Жданов,
- Энд миний нэг байр байдаг юм. Тийшээ очъё гэжээ.
Тэр хоёр явган хүний зам дээгүүр аажуухан алхаж явахад Дейна шиг хувцасласан завхай хүүхэн нэг эрийг сугадан явааг хараад,
- Энэ хүүхэн... гэтэл Жданов,
- Нэг өдрийн хугацаатайгаар янхан хүүхэн авчрахыг зарим эрчүүдэд зөвшөөрсөн байдаг талаар би танд хэлж байсан даа. Харин энэ хүүхнүүд шөнө болоход тусгай хамгаалалттай дэвсгэрт очсон байх учиртай. Яагаад гэвэл, газар дор чухам юу болж байгааг тэд мэдэх ёсгүй юм гэжээ.
Олонх дэлгүүрийн барааны үзмэрийн цонхнууд хоосон байхыг Дейна замдаа анзаарчээ.
Красноярск-26 хотын оршин суугчдад цалин олгох мөнгө байхгүй. Элдэв хөнгөлөлт, давуу талууд үеэ өнгөрөөсөн. Энэ хүмүүсийн цалин тавих хөрөнгө мөнгө улсад байхгүй. Тэд нар хэдэн сарын цалингаа аваагүй байгаа гэсэн.
Гудамжны шувтрах үзүүрийн өндөр байшин дээр байрлуулсан хачин маягийн багаж байхыг Дейна санамсаргүй олж хараад,
- Тэр юу вэ? гэж гайхан асуужээ.
- Реакторт сүйрэл гарах тохиолдолд ажиллах ёстой Гейгерийн тоолуур байгаа юм.
Тэр хоёр олон орон сууцны байшинтай хажуугийн гудамжаар эргэв.
- Би энд суудаг юм. Хоёулаа сэжиг төрүүлэхээс болгоомжилж энд жаахан байзнах хэрэгтэй байна. Холбооны аюулгүй байдлын алба бүх юмыг хянан тандаж байдаг юм.
- Холбооны аюулгүй байдлын алба гэдэг чинь юу юм бэ?
- Хуучин Улсын аюулгүй байдлын хороог ингэж нэрлэдэг болсон юм.
Урьд нь тансаг сайхан байсан хэдий ч одоо доройтон муутаж хир тос болсон хөшигтэй, хивс нь элэгдэж, тавилгын бүрээс нь урагдаж тасарсан байранд орцгоожээ...
ХШСА-ийн талаар Ждановын ярьсан зүйл Дейнагийн санаанаас огт гарахгүй байжээ.
Агентлаг гэдэг бол зөвхөн халхавч төдий нэр бөгөөд ХСША-ийн жинхэнэ үүрэгт ажил бол гадаадын улс орнуудын тагнуулын байгууллагуудыг тагнах явдал мөн гэж Жеффийн хэлээд байсан нь дэмий зүйл биш байжээ. Тейлор нь нэгэн цагт ХСША-ийг удирдаж, Бустертэй хамтран ажиллаж байсан удаатай.
Тэр генералаас холхон байгаарай гэж Мэтт сануулж байсан. Дейнаг генерал Бустер яаж омогдож байсан билээ!
- Ухаж төнхөхийн дон туссан сэтгүүлчид та нар яагаад үхсэн амьтны хүүрийг өндөлзүүлээд байдаг амьтад вэ? ...Хар толгой доо лай хураах гэж зүтгэсний хэрэггүй...
Бустерийн мэдэлд байдаг нүсэр том нууц байгууллагын дотор мэргэжлийн алуурчид цөөнгүй байгаа нь гарцаагүй биз.
Стоун ч гэсэн Дейнаг хамгаалах гэж оролдож байсан.
- Болгоомжтой байгаарай. Би тантай ярилцсан тухай Виктор мэдвэл...
ХСША-ийн туршуулууд газар сайгүй байх тул Дейна ямар ч хамгаалалтгүй болоод байгааг ухаарчээ.
Ждановын гэрт хоёр цаг болсны эцэст одоо явж болно гэж Жданов хэлжээ.
- Та намайг энэ орноос яаж гаргах арга бодож олсон уу? гэж Жданов асуусанд Дейна их л аажуухнаар,
- Олсон. Олсон шиг санагдаж байна. Тэгэхдээ жаахан хугацаа хэрэгтэй болно байх гэж сунжруулан хариулжээ.
Онгоц дахин Москвад газардахад хоёр машин ирчихсэн хүлээж байв. Жданов нэрийн хуудас гаргаж Дейнад өгөөд,
- Би нэг танил бүсгүйнд түр буугаад байгаа юм. Миний хаана байгааг хэн ч мэдэхгүй. Энэ бол бүрэн дүүрэн аюулгүй, бас харуул хамгаалалттай байшин. Хаяг нь энэ байна. Би гэртээ харьж болохгүй. Оройн найман цагт хүрээд ирээрэй. Таны зохиосон төлөвлөгөөг дэлгэрэнгүй мэдэж авмаар байна гэсэнд Дейна толгой дохиж,
- Тэгье. Харин би давын өмнө ийш тийшээ утсаар ярих хэрэгтэй байна гэв.
"Союз" зочид буудлын чийг үнэртсэн үүдний танхимд дахин хөл тавимааргүй байсан хэдий ч өөр хаачих билээ. Ширээний ард суусан бүсгүй хий үзэгдэл харсан юм шиг ухасхийн босож Дейнаг гөлрөн ширтэв. Будаг шунх болсон завхай хүүхэн гэнэт орж ирэхийг хараад гайхсан хүнийг буруутгаж болохгүй биз дээ? !
Шатаар яаран гүйсээр өрөөндөө орж, гутамшигтай муухай өмсгөлөө тайлж хаяад утсаар ярих болов. Тэр хүн гэртээ байх болтугай!
Дуудлага явсаар... дахиад... бас дахиад.
Харилцуураа авч үзээч. Харилцуураа авч үзээч...
Тэгж байтал бараг төрөлхийн дотно болсон Сейзар утсаа авчээ.
- Хадсоны гэр байна.
- Сейзар, Хадсон гуай гэртээ байгаа юу?
- Эванс хадагтай, таны дуу хоолойг сонсоход баяртай байна!
Тиймээ, Хадсон гуай байгаа. Түр хүлээгээрэй.
Дейнагийн сэтгэл онгойн дотор нь уужирчээ. Ждановыг Америкад гаргаж чадах ганц хүн бол Рожер Хадсон байгаа юм!
- Дейна юу? хэмээн Рожер сөөнгөдүү дуугаар асуужээ.
- Бурхны авралаар та гэртээ байж таарлаа.
- Юу болсон бэ? Та өөрөө зүгээр биз? Та хаана байна?
- Би Москвад байна. Уинтропыг гэр бүлийнхнийг хөнөөсөн учир шалтгааныг тодрууллаа.
- Юу гэнээ? Бурхан минь, та яаж...
- Энэ тухай уулзаж байгаад ярьж өгье, би танд төвөг удаж зууралдаад байхыг хүсээгүй боловч дэндүү их ээдрээтэй нэг асуудал гараад байна. Москвагийн нэг том түшмэл Америкт зугтаж гарахыг хүссэн юм. Миний амь нас аюулд орлоо гэж нотлоод байгаа тэр хүнийг Александр Жданов гэдэг юм. Уинтропын гэр бүл хэрхэн сүйрсэн тухай бүх үнэнийг мэддэг хүн байна. Түүнд аль болохоор даруйхан туслах хэрэгтэй болоод байна. Та тусалж өгөх үү?
- Дейна, та энэ хэрэгт орооцолдсоны хэрэггүй юмсан. Ингэж яваад гай зовлонд өртөхөд ядах юмгүй шүү.
- Аз туршихаас өөр аргагүй болоод байна. Энэ асуудал манай орны хувьд даанч чухал юм шүү.
- Гэвч надад таалагдахгүй байна, Дейна.
- Би энэ хэрэгт таныг хутгамааргүй байна, гэтэл тусалж чадах өөр хүн алга.
- Чөтгөр ав гэж, би... гээд Рожер чимээгүй болсноо,
- За яахав. Уул нь тэр хүн чинь Америкийн элчин сайдын яаманд хандвал ээлтэй байсан юм. Түүнийг Америкт гаргах талаар бид нар төлөвлөгөө зохиох хоорондоо тэндээ байж байна биз гэлээ.
- Элчин сайдын яамаар дамжуулахыг огт хүсэхгүй байгаа юм. Элчин сайдын яаманд урван тэрслэгчид дүүрэн байгаа гээд байх юм.
- Гэтэл өөр арга байхгүй шүү дээ. Би элчин сайдын хувийн утсаар ярьж, Ждановыг хамгаалалтад авхуулъя. Тэр чинь одоо хаана байна?
- Танил бүсгүйндээ намайг хүлээж байгаа. Би одоо тийшээ явлаа. Харин өгсөн хаягийг би мэдэхгүй юм билээ.
Ингээд, нэрийн хуудсан дээр бичсэн хаягийг хичээнгүйлэн уншиж өглөө.
- За за, Дейна та ингээрэй: түүнийг дайрч аваад шууд элчин сайдын яаман дээр очоорой. Замдаа битгий зогс.
- Ямар азаар тантай учрах нь энэ вэ! Баярлалаа, маш их баярлалаа! Би танд үнэхээр их талархаж байна!
- Дейна, болгоомжтой яваарай.
- Хичээнэ ээ.
- Дараа ярьцгаая.
- Баярлалаа, маш их баярлалаа! Би танд үнэхээр их талархаж байна!
- Дейна, болгоомжтой яваарай.
- Хичээнэ ээ.
- Дараа ярьцгаая.
Бичлэг төгсөв.
Дейна оройн долоо хагас болж байхад зочид буудлын ажилтнуудад зориулсан хаалгаар гарч хүйтэн салхи хуйхардсан гудмаар гүйжээ. Дулаан пальто өмссөн боловч яс янгинуулсан хүйтэн байлаа. Араас нь мөрдөж байгаа эсэхийг хянан байн байн эргэж харсаар явжээ. Хөл хөдөлгөөн ихтэй замын уулзварт хүрч машин зогсоогоод Ждановын хаягийг өгчээ. Төдий л удсангүй арван таван минут орчим яваад хүний анхаарал үл татах нэг байшингийн гадаа ирж зогсоход жолооч нь
- Хүлээх үү? гэжээ.
- Хэрэггүй.
Жданов машинтай байгаа болов уу хэмээн бодсон хүүхэн жолоочид мөнгө өгөхөд цаадах нь аман дотроо нэг юм гүвтнэж байснаа долларыг авчээ. Жолоочийг явтал хүлээж байгаад үүдний өрөөнд оров. Жданов, хамгаалалттай байшингийн тухай ярьж байсан боловч харуул байгаагүй нь хачин санагджээ.
Нэрийн хуудсыг дахин үзвэл, арван хоёрдугаар сууц хэмээн бичсэн байлаа.
Хог новш болсон шатаар өгсөж хоёрдугаар давхарт гарахад, бас л хүн амьтангүй урт хонгил угтжээ.
Байрны дугааруудыг уншин алгуурхан дөхлөө. Ес... арав... арван нэг...
Арван хоёрдугаар байрны үүдийг дутуу онгойлгосон байв. Дейна үл ойлгогдох зөн совинд автсан хэдий ч зориг гарган дотогш ороход таг харанхуй байжээ.
- Александр...
Чимээ аниргүй.
- Жданов захирал аа...
Огт чимээгүй байв.
Дейна баримжаагаар урагш алхаж хоёр гараа сунган тэмтэчсээр хаалганы бариулд хүрч эргүүлтэл хөл нь бүдэрч шалан дээр биш харин ямар нэгэн чийг даасан зөөлөн юман дээр унав. Сандарсан хүүхэн яаран босож, ханан дээгүүр тэмтрэн унтраалга олж гэрэл асаагаад харвал унтлагын өрөөнд орсон байхын гадна хоёр гар нь улаан болсон байжээ. Босгон дээр хэвтэх хэлбэр галбиргүй шуу- дайтай юманд бүдэрсэн байв. Гэтэл тийм биш ажээ! Нэг хүний хүүр байжээ! Ждановын хүүр байлаа!
Хоолойг нь тас хэрчиж, цээжин бие нь цус болсон Ждановын хүүрийг гэдрэг харуулан хаяжээ.
Дейна орь дуу тавин хашгирч, хаалганы яс модонд наалдан зогсов. Тэнд байсан орыг санаандгүй хальт хартал толгойд нь гялгар уут угласан ахимаг насны эмэгтэйн цус нөж болсон цогцос тэр орон дээр байжээ. Балмагдан самуурсан Дейна хүүхэн нулимс гоожуулан гарч шат уруудан гүйжээ.
Гудамжны нөгөө талд байх байшингийн нэг сууцны цонхны тэнд зогссон эр мэргэн буучийн дуу намсгагчтай АР-7 загварын винтовыг гучин сумтай дайзаар цэнэглэж байлаа. Тэр хүн ажил гүйцэтгэхдээ зургаа дахин томруулдаг дуран хараа хэрэглэдэг ажээ. Тэр бол жаран метрийн зайд юугаар ч орлуулшгүй чухал зүйл юмсанж.
Алуурчин эрийн хөдөлгөөн нэг бүр нь яг тогтсон хэмнэлтэй, ямар нэгэн жигдэрсэн эвсэг харагдах нь аливаа ч мэргэжлийн алуурчны шинж билээ. Энэ удаад хялбархан ажил гүйцэтгэх ёстой байжээ. Тэр хүүхэн одоохон байшингаас гарч ирэх ёстой байлаа.
Цусандаа хутгалдсан хоёр хүүр байхыг үзээд хэрхэн балмагдсаныг мань эр төсөөлөн бодоод инээд нь хүрчээ.
Одоо хүүхний өөрийнх нь ээлж болсон.
Хэн ч үл анзаарам байшингийн үүд онгойход сайх эр уужуу
тайван хөдөлгөөнөөр бууг мөрөндөө авч дуран хараагаар хүүхний нүүрийг харлаа. Хүүхэн сандчин ийш тийш харахыг бодвол хаашаа гүйхийг шийдэж байгаа бололтой. Өнөөх эр нямбайлан онилж, дуран харааны чагтан зураасыг хүүхний духан дээр тааруулан бууны гохыг зөөлөн дарав.
Яг энэхэн агшинд нөгөө байшингийн үүдэнд ирж зогссон автобусны дээд хэсэгт суман мөндөр бууж, дээврийн хагасыг хуу татан хаяжээ. Мэргэн бууч өөрийн гараар хийсэн ажлыг итгэж ядан харлаа. Байшингийн хананаас хэдэн сум ойн харвасан, харин жинхэнэ бай бүрэн бүтнээрээ үлджээ. Хүмүүс хашгиралдан автобуснаас бууж эхлэв. Мань алуурчин зайлан одохоос өөр аргагүй болжээ.
Нөгөө хүүхэн гудамжаар гүйн алга болов.
Энэ ажлыг өөр хүмүүс гүйцэтгэх тул айж балмагдан сэтгэл түгших зүйл тэр алуурчинд байсангүй.
Явган хүний зам хальтиргаатай, яс маханд шингэсэн хүйтэн салхитай байсан хэдий ч айн балмагдсан Дейна юу ч анзаарсангүй гүйсээр хэдэн байшингийн цаана байсан зочид буудлын үүдний танхимын босгыг алхан оронгуутаа,
- Утас хаана байна! хэмээн хаалгачид хашгирчээ.
Цаадах нь хүүхний цус болсон хоёр гарыг харангуутаа ухрахад Дейна,
- Утас хэрэгтэй байна! гэж дахин орилов.
Сайх хаалгач сандчин, үүдний танхимын тэртээ буланд байгаа утасны бүхээг тийш чичлэн заажээ. Дейна яаран тийш очиж, цүнхээ уудлан утасны жагсаалт гаргаж, Америктай ярих хүсэлтэй байгаагаа залгагч хүүхэнд хэлээд Хадсоны утсыг өгчээ. Бараг зуун жил өнгөрөх мэт болсны эцэст Сейзарын дуу гарч,
- Хадсоны гэрийн утас байна гэжээ.
- Сейзар аа! Би Хадсон гуайтай яаралтай ярих хэрэгтэй байна гэж Дейна амьсгаадан хэллээ.
- Эванс хадагтай!
- Түргэлээрэй, Сейзар, бушуулаарай!
Дейна хэчнээн их тэвдэж байгааг Сейзар ойлгосон бололтой, ямартай ч секунд өнгөрч болоогүй байхад Хадсон харилцуурыг авчээ.
- Дейна!
- Рожер! Тэр... тэр үхсэн байна. Түүнийг бас нэг үйлтэй эмэгтэйн хамт алсан байна.
- Ямар аймшигтай юм бэ, Дейна! Би бүр юу хэлэхээ... харин та зүгээр үү? Танд гар хүрээгүй биз дээ?
- Хүрээгүй... гэвч буудаж алах гэж оролдсон.
- За тэгвэл миний юу хэлэхийг анхааралтай сонсоорой. Өнөөдөр, шөнө дундын үед "Эйр Франс" компанийн онгоц Москвагаас Вашингтон орохоор ниснэ. Нисэх орохоор явж байхдаа таныг мөрдөж байгаа эсэхийг сайн лавлаж аваарай. Тийшээ шууд явж хэрэггүй байх. Бас хөлсний тэргэнд битгий суугаарай. Эхлээд "Метрополь" зочид буудал хүрээрэй, тэндээс Шерметьев буудал хүрдэг автобус явна. Тэр автобусанд суугаарай, ер нь олны дунд орж яваарай. Вашингтонд ирэхэд чинь би өөрийн биеэр угтах болно. Дээд тэнгэрийг бодож, дахиад шинэ гай барцадтай битгий учраарай.
- Мэ-мэдлээ, Рожер. Баярлалаа.
Дейна харилцуурыг өлгөсөн боловч, цус царцмаар аймшигт автан хөдөлж чадахгүй болсон байлаа. Эрэмдэг зэрэмдэг болсон хүүрүүд нь нүдэнд харагдсаар байв. Тэр хөөрхий бүсгүйг яанаа? Ждановыг алах далимаар түүнийг юман чинээнд бодсонгүй алсан байжээ!
Дейна хэдэн минутын дараа сая нэг сэхээ авч утасны бүхээгээс гарч соргог хаалгачийн хажуугаар өнгөрөн, шөнийн хүйтэнд гадаа гарчээ.
Хөлсний тэрэг хажууд нь ирж зогсоод жолооч нь оросоор нэг юм асуусанд Дейна,
- Хэрэггүй! гэж уцаарлан хэлээд цааш явав. Давын өмнө буусан буудалдаа эргэж очих хэрэгтэй байлаа.

***

Рожер бодолд автан хэсэг зогссоны эцэст Памелагийн өөдөөс эргэн харж,
-Дейна Москвагаас хоёр дахин утасдлаа. Мань хүн яаж ийж яваад, Уинтропын гэр бүлийнхнийг яагаад алсан тухай мэдээд авсан байна гэсэнд Памела үгээ зөөж тавин,
-За тэгвэл, Дейнагийн талаар нэн даруй бодох цаг болжээ гэв.
-Уг нь би оролдоод үзсэн юм. Бид тийшээ мэргэн бууч явуулсан юм, гэтэл олигтой юм болоогүй шиг байна.
Памела хүүхэн нөхрийнхөө өөдөөс зэвүүцэн жигшсэн харц чулуудаж,
- Тэнэг амьтан. Чи яасан маанаг юм бэ! Тэдэнтэй маш яаралтай утсаар яриач! Бас тэгээд... гэтэл Хадсон,
- Бас тэгээд юу гэж? хэмээн асуухад нь,
- Хүн харахад золгүй явдал тохиолдсон юм шиг байхаар хий гэж цаадуулдаа хэлээрэй гэжээ.


Top
   
PostPosted: Apr.26.17 11:58 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 23.

ХСША-ийн Англи дахь төв байр нь Рейви-Хиллд байх битүү модон дотор "Орохыг хориглоно" гэсэн улаан өнгийн бичигтэй өндөр том хашаагаар гадаад ертөнцөөс тусгаарлагдсан байшинд байх ажээ. Нарийн чанд хамгаалалттай тэрхүү баазын цаад талд радио сигнал болон кабелийн телевизийн сигналыг барьж, Англи оронд дамжуулдаг хиймэл дагуулын олон эгнээ антен байрлажээ. Энэ тосгоны гол хэсэгт байрлах бетон байшинд суусан дөрвөн эр том дэлгэцээс нүд салгалгүй ширтэж байлаа.
- Скотти, сайн тодруулаач. Дүрсээ томруулаарай.
Дэлгэц дээр гарсан зураг анивалзан арилахын хамт "Союз" зочид буудлын нэг өрөөнд орж ирсэн Дейна хүүхэн дэлгэц дээр тодрон гарав.
- Өнөөх чинь эргээд ирлээ.
Дейна яаран цус болон гараа угаагаад тайчиж эхлэхэд дөрвөн эрийн нэг нь исгэрэн,
- Дахиад тайчих урлаг үзэх нь гээч гэхэд бусад нь инээмсэглэх аядав.
Дейна хөхний даруулгаа тайлан шидэв.
- Чөтгөр ав, бариад авч болдог болоосой!
- Чарли чи ид шидтэн байсан бол юуны магад. Гэвч одоо нэгэнт өнгөрсөн гэж гаднаас орж ирсэн эр хэлжээ.
- Чи юу яриад байна?
- Харамсалтай нь, бидний халамжид байгаа тэр хүүхэн одоохон машины осолд орж үхэхээр болсон.
Дейна гадуур өмд, ноосон цамц өмсөж пальтогоо товчлоод цаг харвал шөнийн нислэг хүртэл их хугацаа үлдсэн байх тул автобусанд суугаад нисэх буудал ороход бишгүй амжихаар байв. Гэвч сэтгэл нь түгшээд байж сууж болохгүй байсан тул шатаар уруудан буухад өнөөх тарган авгай хаа ч байсангүй.
Ингээд гадаа гарчээ. Сэнсрэн исгэрэх хүйтэн салхи үлээх нь догширсон хар савдаг дайран довтлох шиг санагджээ. Хажуугаар өнгөрч явсан машин дотроос,
- Хөлсний тэрэг хэрэгтэй юу? гэх дуулдав.
- Хөлсний тэргэнд битгий суугаарай. Эхлээд "Метрополь" зочид буудал хүрээрэй, тэндээс Шереметьев буудал хүрдэг автобус явна.
- Хэрэггүй!
Дейна, нимгэн мөсөн давхарга тогтсон явган замаар зориг шулуудан алхлаа. Хажуугаар нь өнгөрөх хүмүүс яарч сандран шахцалдаж, өөр хоорондоо чанга чанга ярилцан орон гэр, ажлынхаа газрын халуун дулаан өрөө тасалгаанд очихыг зорин гүйлдэх ажээ. Ингэж яван явсаар замын уулзварт очиж зогсоод цувран өнгөрөх олон машины урсгалыг өнгөрөөжээ. Тэгээд санаандгүй зогсож байтал нэг хүн араас нь хүчтэй түлхсэнд хурдлан давхиж явсан машины урдуур өөрийн эрхгүй шурган орж тэр хүчиндээ мөсөн дээр халтиран ар дагзаараа савж унахад өнөөх нүсэр том машин дээрээс нь гараад ирэх шиг болсон. Царай нь цонхийн цайсан сайх жолооч эцсийн мөчид амжиж жолоогоо мушгисны ачаар өнөөх аварга машин Дейнаг шүргэж, төмөр хяхтнуулан өнгөрчээ. Машины дугуйд угласан төмөр гинж харжигнаж, моторын хүчит нүргээнд дүлийрэн гэнэт унасандаа балмагдсан Дейна хоромхон зуур хэвтэж байснаа тэнгэрийн бараа харж, согтуу мэт толгойгоо сэжлэн өндийж суув. Ахимаг насны нэг эр тусалж босгожээ. Дейна түлхсэн хүнийг эрэн харсан боловч олж чадсангүй. Тэр олон амьтны хэн нь ч байж болох юм чинь яаж олох билээ.
Дейна биеэ барихыг хичээж хэд хэдэн удаа уртаар санаа алдав. Зарим харчууд ихэд уурсан омогдож байв. Сониуч зантай улсууд цуглан бүчиж эхлэхэд Дейна дэмий л хавчганаж,
- "Метрополь" зочид буудал хэмээн аман дотроо бувтнахад хэдэн жаал хүү тэрүүхэнд байгаа метро тийш дохин заажээ.
Аз болоход зочид буудлын үүдний танхимд дулаахан, жуулчид юм уу бизнес эрхлэгч хүмүүс холхилдох ажээ.
“Ер нь олны дунд орж яваарай. Таныг Вашингтонд ирэхэд би өөрийн биеэр угтах болно...”
- Нисэх буудал ордог дараагийн автобус хэзээ явах вэ? гэж хаалгачаас асуув.
- Хагас цагийн дараа явна.
Дейна толгой дохин тал өгөөд, тэрхэн буланд тавьсан буйдан сандалд амьсгаадаж ядан суув. Аймшигтай юмыг даван туулсан Дейна хараахан тайвширч чадахгүй байлаа. Ямар хүн намайг алах гэж оролдоод байгаа билээ? Өчүүхэн ч нигүүлсэх сэтгэлгүйгээр Ждановын хоолойг хэрчсэн этгээдүүд байж таарна. Харин Кемаль яаж байгаа бол? Буудлын хаалгач дэргэд нь ирж,
- Хадагтай, автобус ирсэн шүү гэжээ.
Дейна хамгийн түрүүнд орж арын суудалд суугаад орж ирж байгаа зорчигчдын нүүр царайг хичээнгүйлэн ажиж байв. Байдлыг үзвэл, Европ, Ази, Африк тивийн янз бүрийн орнуудаас ирсэн жуулчид, хэдэн америк хүмүүс байгаа бололтой. Голын зайны нөгөө талд суусан эр Дейнаг илтэд ажиглан харж байв. Дейнад тэр хүн танил юм шиг санагджээ. Намайг мөрдөж байгаа юм уу?
Хүүхний амьсгаа дээр гарч эхлэв.
Ийнхүү сэтгэлийн зовлон эдэлж бүтэн цаг явсны эцэст автобус нисэх буудлын үүдэнд ирж зогсов. Айн балмагдсан Дейна автобуснаас бууж "Эйр Франс" компанийн төлөөлөгчийн ширээний тэнд очиход дүрэмт хувцас өмссөн бүсгүй,
- Танд юу хэрэгтэй сэн бол? хэмээн асуусанд Дейна горьдлого тавин,
- Танайд Дейна Эвансын нэр дээр тийз захиалсан байна уу? гэж асуугаад,
"Тийм байна" гэж хэлээч. "Тийм байна"... гэж хэлээч хэмээн дотроо давчдаж байтал нөгөө бүсгүй зорчигчийн нэрсийн жагсаалт үзээд,
- Тийм байна. Тийз чинь энэ байна. Мөнгийг төлсөн байна гэжээ.
Бурхан минь, энэ хорвоод Рожер мэндэлсэн нь юутай их завшаан
- Баярлалаа.
- Онгоц цагийн хуваарь ёсоор ниснэ. Рейсийн дугаар хоёр зуун хорь. Онгоц нисэх болтол таны мэдэлд нэг цаг, арван минут байна.
- Танай энд...
Дейна "Хүн олонтой танхим" гэж золтой хэлсэнгүй өнгөрчээ.
- ...амарч болмоор танхим байгаа биз.
- Энэ хонгилоор яваад баруун тийш эргээд байгаа.
Дейна толгой дохиод заасан зүгийг чиглэн гэлдрэв.
Үнэхээр хөл тавих зайгүй тэр танхимд ер бусын юм уу заналхийлсэн зүйл байсангүй. Хүүхний хоёр хөл сульдаж, буйдан сандалд лагхийн уналаа. Жаахан тэсч чадвал орон гэрийн бараа харж, айх аюулгүй болох сон.
- Вашингтон орох "Эйр Франс" компанийн хоёр зуун хорьдугаар рейсийн онгоцонд зорчигчид суух цаг боллоо. Гуравдугаар хаалган дээр очихыг хүсье. Паспорт, суух тийзээ бэлдэнэ үү.
Дейна суудлаас босож гуравдугаар хаалга тийш явлаа. Сэтгүүл худалдах мухлагийн тэнд байнга бүгж байсан үл таних эр гар утсаа шүүрэн авч,
- Объект онгоцонд суухаар явлаа гэжээ.
Рожер харилцуурыг авч дугаар эргүүлсний дараа,
- "Эйр Франс" компанийн онгоц, нислэгийн дугаар хоёр зуун хорь. Түүнийг угтаж аваарай гэж товчхон хэлэв.
- Эрхэм ээ, түүнийг яах талаар таны тушаалыг сонсъё гэсэнд,
- Зүгээр л машинд дайруулах санал байна. Дараа нь цагдаагийн газрынхан жолоочийг эрж хайна биз гэв ээ.
Нэг ч сул суудалгүй онгоц үүлгүй тэнгэрийн уудамд арван гурван мянга таван зуун метрийн өндөрт нисэж явлаа. Дейнагийн хажуу талын суудалд туранхай зууван царайтай, гялалзсан бор нүдтэй, бяцхан ширвээ сахалтай, олон үгтэй, дундын насны америк эр суужээ.
- Намайг Грегори гэдэг. Би модны наймаа хийдэг хүн. Та бидний орхин мордож байгаа улс ямар шүү санагдав? Нэг учир байгаа биз?
- Та бас ажил төрлөөр ирсэн хүн үү?
Дейна сэтгэлийн тэнхээ гарган биеэ эзэмджээ.
- Амрахаар ирсэн.
Грегоригийн хоёр нүд орой дээрээ гарчээ.
- Нээрэн тийм үү? Амрах цагаа олж дээ! Та зоригтой бүсгүй байна. Орос нутгийн өвлийг үзэх гэж зориглох хүн цөөн шүү.
Түрдэг тэргэн дээр оройн хоол тавьсан онгоцны үйлчлэгч бүсгүй хүрч ирэхэд Дейна юм идэхийг татгалзмаар байсан боловч өлбөрч үхэх шахаад байгаагаа гэнэт ухаарчээ. Хамгийн сүүлд хэзээ юм идсэнээ санахгүй байлаа.
- Балга бурбон уумаар байвал тэр чинь надад байна, бяцхан хадагтай минь. Удаан дарсан жинхэнэ дарс шүү.
- Уухгүй, баярлалаа гэж Дейна хариулаад цаг харвал нислэг дуусах хүртэл хэдэн цагийн зай үлдсэн байжээ.
"Эйр Франс" компанийн онгоц Далласийн нэрэмжит нисэх онгоцны буудлын нислэгийн талбай дээр ирж зогсоход, зорчигчид буухыг хүлээсэн дөрвөн эр ирчихсэн байлаа. Золиос нь тэдний гараас мултрахгүй гэдэгт бат итгэж байсан учир сайх эрчүүдэд сэтгэл зовох юм байсангүй. Боссын сэтгэлд нийцээгүй хүмүүсийн амыг нэгмөсөн таглах ажлыг удаа дараа хийж байсан болохоор энэ нь гаршсан ажил байжээ.
- Тариур бэлэн биз? гэж ахлагч нь асуув.
- Бэлэн.
- Рок-Крик цэнгэлдэх хүрээлэнд аваачъя. Машинд дайруулсан болгох хэрэгтэй гэж манай босс хүсэж байгаа шүү дээ.
- Ёсоор гүйцэтгэе.
Алуурчид, нэхий дээл, дулаан пальто, үстэй малгай ороолтоор дулаалсан олон улс цувран буух онгоцны хаалганаас нүд салгалгүй харуулдан зогсох ажээ. Буух хүмүүс цөөрөн цөөрсөөр дуусахад ахлагч нь хөмсөг зангидан,
- Тэр хүүхэн яагаад саатсаныг ойлгохоо болилоо гэлээ.
Сайх эр жаахан бодож байснаа шатаар өгсөн онгоцонд орж очиход цэвэрлэгч нар ажилдаа орсон байжээ. Эгнээ хоорондын зайг үзэж, бие засах газраар орсон боловч юу ч байсангүй. Буцаад гүйж явахдаа гарах гэж явсан онгоцны үйлчлэгчтэй тааралдаж,
- Дейна Эванс хаана сууж ирсэн бэ? хэмээн асуув.
- Дейна Э...Нөгөө телевизийн хөтлөгч мөн үү? хэмээн гайхжээ.
- Яг тийм.
- Харамсалтай нь манай онгоцоор ирээгүй. Уг нь би түүний барааг харсан бол гарын үсэг зуруулаад авах байсан ч юм билүү.
Гурван цагийн өмнө юу болж өнгөрснийг тэдгээр алуурчид мэдээгүй байжээ. Бүх юм сайхан болж, өнөөх Прайс модны арилжаа эрхэлдэг бизнесийг ам мэдэн магтаж Дейнагийн толгойг эргүүлжээ.
- Юу нь хамгийн таатай байдаг гээч, бяцхан хадагтай минь? Миний бараа ямар ч хүчин чармайлт оролгүй өөрөө өсөж байдаг юм.
- Тиймээ. Байгаль-эх таны талаар халамж тавихыг хүлээгээд л сууж байх юм шив.
Онгоцны үйлчлэгчийн дуу чанга яригчаар хадав:
- Та бүхэнд чирэгдэл учруулсанд хүлцэл өчье. Гэвч Чикаго хотын О' Хейр буудалд буух боллоо. Даруулгаа хийж, суудлын түшлэгийг босоо байдалд болгоорой.
Голын зайны цаад талд суусан эмэгтэй увайгүй янзтай,
- Тиймээ, босоо байдалд болголгүй яахав. Би энэ түшлэгийг аятайхан налж суугаад үхмээр байгаа бол яах болж байна! гэх дуулдав.
Дейна "Үхэх" гэдэг аймшигтай үгийн бүрэн учир утгыг сая л ухаарчээ. Урьд нь юу болоод байгааг ухамсарлахгүй байсан бол энэ удаад цохиулсан юм шиг давхийн цочжээ. Тоосгон хананаас ойсон сум чихэнд нь исгэрч, хэн нэгэн буруу санаатны түлхэлтээр өчүүхэн муужгай адил ачааны машин доогуур орох шиг санагдаж байлаа. Ид шидийн хүчээр хоёр удаа амь мэнд гарснаа сая ухаарч хамаг бие нь дагжин чичирчээ.
Шереметьевийн нисэх онгоцны буудлын танхимд сууж байхдаа бүх юм сайн сайхан болж, сайн үйлс ялан дийлнэ хэмээн өөрийгөө ятгаж байсан сан. Гэвч хүүхний сэтгэл түгшиж, уураг тархинд нарийхан өргөс ****** мэт сэрвэгнэн хорссоор байлаа. Бас хэн нэгэн хүний хэлсэн зүйл амар заяа үзүүлэхгүй байв. Харин хэн хэлсэн билээ?
Сэтгэл түгшээд байгаагийн учир шалтгааныг тодруулах гэж Дейна хэчнээн оролдовч санаанд нь юу ч орохгүй байжээ. Хэнтэй ярьж байхад сонссон үг ингэж зовоогоод байна? Мэтт, Жданов, Тимийн хэнээс сонссон байх вэ?
Эргэцүүлэн бодох тутам улам будилсаар байв.
Вашингтонд очиход юу угтаж байгаа билээ? Мэтт, Жефф хоёртой аль болох даруй холбоо барих хэрэгтэй байлаа. Тэд нар учрах аюулаас хамгаалж юун магад.
Вашингтон хот орох хоёр зуун хорьдугаар нислэгийн онгоцонд суухыг зарлав.
Дейна хаалга чиглэн очиж нисэх буудлын ажилтанд суух тийз үзүүлж байтал гэнэт санажээ. Тийм шүү дээ! Эцсийн удаа Ждановын хэлж байсан үгийг яг санажээ!
Миний хаана суудгийг хэн ч мэдэхгүй. Энэ бол бүрэн дүүрэн аюулгүй байшин...
Би, Ждановын бүгж байгаа газрыг ганцхан Рожер Хадсонд хэлсэн! Үүний дараахан түүнийг шууд алсан байсан. Уинтроп оросуудтай базаахгүй юмаар хамтран ажиллаж байсан гэдгийг анх цухуйлгасан хүн бол Рожер Хадсон мөнөөс мөн.
- Намайг Москвад байж байхад Уинтроп оросуудтай ямар нэг байдлаар хамтран ажиллаж байсан гэдэг цуу яриа гарч байсан...
- Уинтроп Орост суух элчин сайд болох гэж байхдаа, би улс төрөөс хөндийрсөн гэж ойр дотнын найз нартаа хэлж байсныг би сонссон юм байна...
- Чухамдаа очиход Уинтроп л Орост суух элчин сайдын тушаалд дэвших гэж ерөнхийлөгчид дарамт үзүүлж байсан...
Гэтэл би адгийн тэнэг амьтан шиг авирлаж, өөрийн хийсэн алхам нэг бүрийн тухай Рожер, Памела хоёрт илтгэж байсан болохоор миний хаана явж байгааг хянахад ядах юмгүй байсан хэрэг. Нэгэнт ийм болохоор...
Дейна Чикаго ортол нисэхдээ зүүн дээр суусан юм шиг тогтож ядан, Грегорийн олон асуултад хайш яйш хариулж явлаа. Энх тунх явсаар онгоц газардахад цонхоор харвал сэжиг төрмөөр юмгүй, нам тайван байжээ.
Дейна уртаар санаа алдан онгоцноос буухдаа аль болохоор олон амьтны дунд байхьгг хичээж байв. Нэн даруй утасдаж Кемаль энх тунх байгааг мэдэх хэрэгтэй байлаа. Хувийн аюулгүй байдал нь хоёрдугаар зэргийн зүйл болон хувирчээ. Өөрөөс нь болж түүнд аюул нүүрлэсэн байвал яана. Түүнд муу юм тохиолдсон байвал Дейна гэтлэн давж чадахгүй билээ. Кемалийг хамгаалалтдаа авч чадах хүн олох хэрэгтэй байв.
Ингээд Стоуны тухай боджээ. Тэр бол Кемаль бид хоёрыг хамгаалж чадах хүчирхэг байгууллагад ажилладаг хүн, туслахыг зөвшөөрөх нь гарцаагүй. Анх уулзсан цагаас эхлэн надад их талтай байсан.
Тэр хүн хорон санаатнуудын нэг нь байж таарахгүй.
Чадах бүхнээ хийнэ гэж амлаж байсан удаатай.
Генерал Бустерээс намайг өмгөөлөх гэж оролдож байсан.
Дейна ийнхүү бодоод нэг буланд очиж утсаа гарган Стоуны гар утсанд залгав.
Стоун дорхноо утсаа авчээ.
- Жек Стоун сонсож байна.
- Би Дейна Эванс байна. Би балраад байна. Таны туслалцаа хэрэг боллоо.
- Юу болсон бэ? гэж Стоун анхааран асуужээ.
- Би одоогоор дэлгэрэнгүй ярьж болохгүй байна, миний хойноос ангуучлаад байна. Намайг алах гэж оролдоод байна. Миний амь насанд хоёр удаа халдсан.
- Тухайлбал ямар хүн ингээд байна?
- Мэдэхгүй юм. Би өөрийнхөө хүү Кемалийн талаар хамгийн их санаа зовж байна. Танд туслах арга байна уу? Түүнийг нуух юм уу эсвэл харгалзах хүн гаргаад өгвөл сайн сан.
- Би одоохон энэ талаар бодъё. Хүү чинь гэртээ байгаа юу?
- Байгаа болов уу.
- Та санаа зовсны хэрэггүй, би хүмүүс явуулъя. Харин та? Та яах болж байна? Таны амь насыг хөнөөх гэсэн юм уу?
Тийм... Орост байхад.
Жек бодолд автан чимээгүй болов.
- Учир начрыг олж туслахыг хичээе. Та одоо хаана байна?
- О' Хейр буудлын "Америкен эйрлайнз" компанийн төлөөлөгчийн ширээний хажууд байна, бас тэгээд эндээс хэзээ гарахыг мэдэхгүй байна.
- Тэндээсээ битгий хөдлөөрэй. Би Чикагогоос хүн олж таныг харгалзуулъя. Харин Кемалийн талаар санаа зовсны хэрэггүй.
- Жек минь, танд баярлалаа. Баярлалаа.
Дейна утсаа цааш хийв.
Стоун бас утсаа тавиад, холбооны төхөөрөмж тийш аажуухан очоод,
- Объект дөнгөж сая утсаар ярилаа. Нисэх онгоцны О' Хейр буудалд, "Америкен эйрлайнз" компанийн төлөөлөгчийн тэнд байгаа гэнэ. Түүнийг барьж аваад төлөвлөсөн ёсоор гүйцэтгэ гэжээ.
- Мэдлээ, эрхэм ээ.
Тэгээд товчлуурыг дарж туслахдаа хандан,
- Бустер генерал Алс дорнодоос хэзээ эргэж ирэх билээ? хэмээн асуужээ.
- Өнөөдөр, өдөр дундын орчим ирнэ.
- За тийм байж, түүнийг хамар дор нь юу болж байгааг мэдэхээс өмнө амжиж чөтгөр шуламс руу тонилох цаг болжээ.


Top
   
PostPosted: Apr.27.17 4:04 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Ээш энэ яг ингэдэг бхгүй юу. За тэхдээ Сиднигийн гол дүрүүд азтай. Яаж ийж бгаад амьд үлдэх л бх. Харин тэр хүүхэд асрагч нэг л но-той. Кемальд нойрсуулах эм өгөөд бдиймуу хаашаа юм.

Баярлалаа Цолмон :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.30.17 1:38 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
нэг амиар л уншлаа ш дээ, Дэйнагийн гадаад явах гэж миний дэлгүүр орохоос ч амархан бололтой, гүй энэ муу хүүхний эргэн тойрон, итгэж найдсан болгон нь алуурчин дээрэмчид байх гэж...тэр асрагч ч бас тэдний нэг, Сидни гуай толгой эргүүлээд яг маанагтуулах юмаа, энэ хүүхэн бас аймаар итгэмтгий гэнэн яг над шиг , хихи, гэхдээ би бол яасан ч дахиж орос руу очихгүй байсан, маш их баярлалаа Цолмон


Top
   
PostPosted: May.03.17 3:30 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 24.

Дейна арай ядан гэлдэрсээр буйдан сандалд хүрч лагхийн унахын хамт нүдээ аньтал гар утас нь дуугарчээ.
- Дейна минь!
- Жефф минь чи мөн үү?
- Сайн уу, хайрт минь.
Жеффийн дууг сонсохын хамт айж шаналан, үзэн ядаж, арчаагаа алдсан байдал нь ор сураггүй алга болж, үслэг зузаан хөнжил нөмрөх мэт болж, хоолой чичрүүлэн,
- Жефф минь хэмээн давтав.
- Чи минь яаж явна даа?
“Би юу? Амиа алдах гээд л шогшиж явна...”
Дэндүү оройтсон болохоор Жефф минь яаж ч чадахгүй юм чинь түүний сэтгэлийг дэмий зовоогоод яах билээ.
- Би юу? Их сайн явж байна, хайрт минь
- Дэлхий тойрон аялагч чи минь хаана байна?
- Чикагод ирээд байна. Маргааш Вашингтондоо эргэж очно.
“Харин чи минь хэзээ надтай учран нийлэх вэ?”
- Рейчел яаж...яаж байна?
- Яваандаа дээрдэж байх шиг байна.
- Би чамайгаа санаад байна.
Унтлагын өрөөний үүд нээгдэж улмаар зочны өрөөнд Рейчел орж ирэв. Тэрбээр Жеффийг дуудах гэсэн боловч утсаар ярьж байхыг үзээд больжээ.
- Харин би чамайг хэчнээн их санаж байгааг чи төсөөлж чадахгүй хэмээн Жефф хэлэв.
Би чамдаа дэндүү их хайртай шүү!
- Хайрт минь, надад... муу юм тохиолдвол би чамд хайртай байсныг санаж...
- Чи юу ярина вэ? Чи худал хэлсэн шиг байна! Базаахгүй юм болоод байгаа юм уу?
- Юу ч болоогүй. Энэ бол утсаар ярих зүйл биш, гэвч бүх юм сайхан болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байна.
- Дейна, чамд ямар нэгэн муу юм тохиолдвол би үхлээ гэсэн үг... Чи надад хэрэгтэй байна. Би чамдаа хэнээс ч илүү хайртай шүү! Би чамайг хэрхэвч алдаж болохгүй!
Рейчел түүний яриаг жаахан чагнаж байгаад цааш эргэж чимээгүй явсаар унтлагын өрөөнд ороод хаалгаа сэмхэн хаажээ.
Тэр хоёр дахиад арваад минут ярилцахад Дейнагийн дотор бага зэрэг онгойжээ. Бас салах ёс хийж амжсан нь аятайхан байлаа.
Дейна хөмсөг өргөн харвал нөгөө эр түүнийг ширтсээр байжээ.
Стоуны явуулсан хүн ийм хурдан амжиж ирэх учиргүй. Эндээс гарах хэрэгтэй. Бас онгоцонд сууж хэрхэвч болохгүй.
Дейна бас л барьц алдаж эхэлжээ.
Дейли хадагтай амандаа дуу аялан овьёосны агшаамал хийж байхад Кемаль өрөөндөө юм оролдож суув.
Хаалга хоёр удаа тогшоод түр азнасны дараа дахин нэг тогшиход Дейли хадагтай яаран үүд онгойлгож,
- Сайн уу. Чи юу гэж явна? хэмээн асуужээ.
- Кемалийг гэртээ байлгаж бай. Бид түүнийг хэрэглэнэ.
- Санаа зовсны хэрэггүй, үүнийг би даая.
Гэрийн үйлчлэгч хүүхэн хаалга тасхийтэл хаагаад жаал хүүг дуудан,
- Овьёосны агшаамал бэлэн боллоо, хүү минь гэжээ.
Ингэж хэлээд гал тогооны өрөөнд очиж гал дээр байсан хоолыг авсны дараа "Бу-Стар" гэсэн бичигтэй баахан эмээр пиг дүүрэн ширээний доод талын татуургыг татаж хоёр боодлыг гарган задалснаа жаахан бодож байгаад бас нэгийг нэмж задлаад овьёосны агшаамалд хийж, дээрээс нь хэдэн халбага элсэн чихэр нэмж хутгаад тавагт аягалав. Кемаль гал тогооны өрөөнд дуртай дургүй орж ирэв.
- Ө-ө, хүү минь ороод ирлээ. Хоолны ширээнд суугаарай.
- Би өлсөөгүй. Юм идмээргүй байна.
Дейли хадагтай урьд хожид үзэгдээгүй огцом дуугаар,
- Наадахаа бушуу ид гэж зандран хүүг айлгасан боловч тэр дорхноо зөөлөрч,
- Чи бид хоёр Дейна ахайтны сэтгэлийг хямруулмааргүй байгаа, тийм биз дээ? гэжээ.
- А-ан.
- Их сайн байна. Чи бүгдийг идэж дуусгана, би ингэж мөрийцөөд хад мөргөсөн ч бэлэн байна. Дейна ахайтны төлөө юм чинь.
Кемаль түүний үгэнд орон суугаад идэж эхлэв. Дейли хүүхний тооцоолсноор, жаал хүү зургаан цагаас багагүй унтах учиртай байлаа.
Дараа нь тэд нар ямар тушаал өгөхийг харж байя гэж Дейли хүүхэн боджээ.
Дейна, нисэх буудлын танхимуудаар гүйж явтал бэлэн хувцасны том дэлгүүр дайралджээ.
Ямар нэгэн аргаар зүсээ хувиргаж... хэнд ч танигдахгүй болох шаардлагатай байлаа.
Дэлгүүрт ороод харвал, худалдан авагчид бараа сонгож, худалдагч нар хувцас тааруулах өрөөнд юм зөөгөөд л ердийн ажиллагаа өрнөсөн газар байв. Дейна үүдний зүг хальт харангуут хэл нь татан хөшжээ. Хар өнгийн өмсгөлтэй хоёр бадриун эр хаалганы хоёр талд зогсох агаад нэг нь гартаа "уоки-токи" загварын гар утас эргэлдүүлэн байгаа харагджээ.
Эд нар яаж яваад намайг Чикаго хотоос олоод авдаг байна?
Балмагдан сандарсан Дейна кассны зүг гүйн очив.
- Эндээс гарах өөр хаалга байна уу?
- Байх нь байгаа. Тэгэхдээ зөвхөн манай ажилтнуудыг үйлчилдэг юм. Хадагтай та өршөөгөөрэй.
Дейнагийн ам эгшиж, хэл нь хавдсан мэт барзайгаад ирлээ.
Тэгээд мөрдөн хөөгчдийг дахин хальт харав.
Тэднээс зугтан зайлах ямар нэг арга бодож... бодож олох хэрэгтэй. Арга байх л учиртай!
Гартаа ойр таарсан нэг даашинз шүүрч аваад үүд чиглэн явтал мөнгө хураагч,
- Хадагтай та хүлээгээрэй. Болохгүй... хэмээн хашгирахад Дейна явсаар хаалганд дөхөж очиход нөгөө хоёр эр түүнийг амдан хөдөлжээ.
Тэгтэл даашинзанд хадсан шошгын соронзон дохио ажиллаж, түгшүүрийн хонх хангинахад дэлгүүрийн хамгаалагч яаран гүйж ирэв. Хоёр эр бие биеийг хараад гэдрэг ухрав.
Унтууцсан хамгаалагч,
- Хадагтай, түр хүлээгээрэй. Та одоохон буцаад дэлгүүрт ор хэмээн шаардахад Дейна,
- Яах гээд байгаа юм бэ? хэмээн адрахад, хацар дээгүүр нь хөлс урсаж, амьсгалахад хэцүү болсон байжээ.
- Яагаад гэнээ? Дэлгүүрт ирээд хулгай хийх чинь муухай шүү дээ гээд Дейнаг хөтлөн танхимд эргэж орлоо.
Дэлгүүрийн гадаа гарсан хоёр эр дэмий л хөл сэлгэн зогсож байхад Дейна хамгаалагчид хандан инээмсэглэж,
- За за. Би даашинз хулгайлснаа хүлээлээ. Намайг цагдаагийн газарт хүргээд аль гэлээ.
Тэнд байсан худалдан авагч нар хулгайлсан юмаа нуухыг ч бодохгүй зогсож байгаа хүүхнийг сонирхон харцгаах ажээ.
Шуугиан дэгдэх чимээгээр дэлгүүрийн дарга гүйж ирээд,
- Юу болоод байна? гэжээ.
- Энэ даашинзыг хулгайлах гэж оролдсон нэг эмэгтэйг барилаа.
- А-а тийм бий, цагдаа дуудахаас...
Сайх дарга Дейнаг гэнэт таньж бүр алмайран,
- Дээд тэнгэр минь! Энэ чинь Дейна Эванс байна шүү дээ! гэсэнд олны дунд шивнэсэн яриа дэгджээ.
- Энэ чинь Эванс байна.
- Нөгөө зурагтаар нэвтрүүлэг...
- Түүний эрхлэн явуулж байсан цэрэг дайны сурвалжилгыг санаж байна уу?
- Эванс хадагтай, би маш их харамсаж байна. Эндүүрэл гарсан байж таарлаа гэж дарга хэлсэнд Дейна сандран зөрж,
- Тийм биш, тэгээгүй. Би үнэхээр даашинз хулгайлсан юм гээд аргаа барж ядан хоёр гараа өргөж,
- Намайг баривчилж болно гэвэл дарга мишээл тодруулан,
- Хаанаас даа. Энэ даашинзыг бидний магтаалын үгтэй хамтатган танд бэлэглэе, Эванс хадагтай. Даашинз танд таалагдсан нь бидэнд урам хайрлалаа гэхэд чихэндээ итгэж ядсан Дейна түүний өөдөөс гөлөрчээ.
- Намайг баривчлахгүй юм уу?
Дарга бүр нүүр дүүрэн инээмсэглэж дуу алдан,
- Яалаа гэж баривчлах билээ? Даашинзыг таны гарын үсгээр солилоо. Бид таны үнэнч шүтэн бишрэгч нар юм шүү гэтэл тэнд байсан нэг хүүхэн,
- Би ч бас адил! Би бас шүтэн бишрэгч хэмээн дуу алджээ.
- Надад ч гэсэн гарын үсгээ өгнө үү?
Сонирхсон хүмүүс нэмэгдсээр.
- Хөөе хараач! Дейна Эванс байна.
- Эванс хадагтай, та гарын үсгээ өгч болгооно уу?
- Би нөхөртэйгөө хамт Сараево хотоос таны бэлдэж ирүүлсэн сурвалжилгыг орой болгон үздэг байлаа.
- Өөрийн биеэр дайны газар очих шиг болдог шүү.
- Эванс хадагтай, гарын үсгээ өгвөл ямар вэ?
Дейна цаашид яах учраа олж ядан дэмий л эргэн тойрныг харна. Нөгөө хоёр эр гадаа манаад байж байгаа. Дейна будилан самуурчээ. Яаж эсэн мэнд амь гарах вэ? Энэ шиг амархан юм алга гээч!
Хүүхэн нүүр дүүрэн инээгээд ингэж хэлэв:
- Бүгдээрээ ингэмээр байна: Цөмөөрөө цэвэр агаарт гарч байгаад хүссэн бүхэнд гарын үсгээ өгье.
Цугларсан олон хүн баяр хөөр болон хашгичихад Дейна даашинзыг захиралд гардуулан өгөөд,
- Үүнийг аваарай, баярлалаа гэв.
Дэвэрсэн олон шүтэн бишрэгчдийг дагуулан үүдний зүг хөдлөхөд өнөөх мөрдөн мөшгөгчид олны дунд хамагдахаас болгоомжлон ухрав. Дейна тэнд байсан хүмүүст хандаж,
- За, эхний хүн хэн бэ? гэв.
- Үзэг цаас барьсан улсууд хүүхнийг тойрон бүчив. Дейна гарын үсэг зурж байхдаа хаалганы зүг сэм дөхсөөр байв. Шүтэн бишрэгчид ч дагасаар. Хөлсний тэрэг ирж замын хашилт шахан зогсоод зорчигч буулгахад Дейна мэхийн ёслоод,
- Баярлалаа. Би явахаас болохгүй гэж хэлээд машинд үсрэн орлоо. Хөлсний тэрэг хөдөлж тээврийн урсгалд хутгалдан алга болов.
Рожер Хадсон зэвүүцэн ярвайж, ээрэн ядан ярих Стоуныг сонсож байна.
- Хадсон ноён, өнөө хүүхэн зугтаж амжсан, гэвч бид...
- Таныг чөтгөр авах болтугай! Та яах гэж байгаа нь надад падгүй, харин түүнийг нэн даруй тонилгохыг шаардаж байна.
- Эрхэм та санаа зовсны хэрэггүй. Бид хөлсний тэрэгний дугаарыг мэдэж байгаа. Тэр хүүхэн холдож чадахгүй.
- Дахиад нэг гай болоод үзээрэй чи! гэж Хадсон зандраад харилцуурыг шиджээ.
Чикаго хотын төвд байдаг "Карсон Пайри Скотт энд компани" хэмээх дэлгүүрт өнөөдөр онцгой олон хүнтэй байсан учир хүнгэнэх дуу чимээ тасрахгүй байлаа. Хүзүүний ороолт зардаг лангууны худалдагч Дейнад нэг ороолт боож өгөөд,
- Бэлнээр үү, чекээр төлөх үү? гэжээ.
- Бэлнээр өгнө.
Чекээр төлж ул мөр үлдээгээд хэрэггүй биз...
Дейна боодолтой юмаа бариад хаалганд тулж очихын хамт аянгад ниргүүлсэн мэт хөшин зогсжээ. Өнөөх "уоки-токи" загварын гар утастай хоёр амьтан зогсож байжээ! Бас л мөрдөөд иржээ! Яаж эдний гараас мултрах вэ?
Дороо эргэж лангуун дээр ирэхэд худалдагч,
- Өөр юм авахаар болов уу? гэжээ.
- Үгүй, би...танай энд өөр хаалга байгаа юу?
- Хэд хэд байгаа.
Бүх хаалгыг хамгаалалтад авсан байгаа биз. Тэгэхлээр нэмэргүй ажээ. Энэ удаад амь зулбан гарахаа өнгөрөв бололтой.
Урагдаж ноорсон ногоон пальтотой бүсгүй Дейнагийн хажуугаар өнгөрч, дэлгэн тавьсан хүзүүний ороолтуудыг сонирхон зогсоход Дейна жаахан харж байгаад хажууд нь очиж,
- Их сайхан ороолтууд байна, тиймээ? гэвэл үл таних бүсгүй уйтгартай инээмсэглэн,
- Хэлээд яахав! гэжээ.
Нөгөө мөрдөн мөшгөгчид хоёр бүсгүйгээс нүд салгалгүй харж байсан боловч гойд сонирхсон зүйлгүй байжээ. Бүх хаалган дээр харуул тавьсан болохоор сэтгэл зовох үндэс тэдэнд байсангүй.
Хоёр бүсгүй өөдөөсөө харж мөрөө хавчин үүдэнд дөхөж очиход Дейна дуу алдац,
- Таны өмссөн пальто надад хачин их таалагдаж байна! Миний дуртай өнгө байна гэв.
- Энэ муу пальто мөдхөн урагдаад унах байлгүй. Харин таных бол тансаг сайхан пальто байна.
Сэтгэл нь сэргэсэн хоёр бүсгүй шулганан ярилцсаар байв.
Нэг мөр мөшгөгч,
- Яасан хүйтэн юм бэ, энэ новшийн ажлыг бушуухан дуусгаад эндээс гарах юмсан хэмээн гомдоллоход түүний хамсаатан нь,
- Хэлээд яахав. Энэ золиг одоо мултрахаа өнгөрсөн... гээд бас нэг юм хэлэх гэсэн боловч нөгөө хоёр бүсгүй пальтогоо солин өмсөж байгааг хараад дуугаа хурааснаа,
- Бурхан минь, түүний юу хийж байгааг хараач. Хүний хувцас өмсөөд зугтана гэж бодсон байх нь. Яасан маанаг эм бэ! гэжээ.
Хоёр хүүхэн нүд ирмэх зуур далд ороход нэг эр нь гар утсаар,
- Объект улаан пальтогоо ногоон пальтогоор сольж өмсөөд, дөрөв дүгээр хаалга руу явж байна. Ойлгосон уу? Шууд бариад аваарай гэж хэллээ.
Дөрөвдүгээр хаалган дээр Дейнаг хүлээж байсан нэг эр төдий л удсангүй гар утасны товчлуурыг дараад,
- Өнөөх чинь гараад ирлээ. Машинаа ойртуул гэжээ.
Ногоон пальтотой бүсгүй гарч ирээд энгэр заамаа дулаалан дараад яаран баруун тийш эргэлээ. Хөлсний алуурчид түүний араас дагаж, гудамжны шувтрах үзүүрт очоод машинд гар өргөж байхад нь бариад авлаа.
- Танд хөлсний тэрэг хэрэггүй болсон. Хадагтай таны сүйх тэрэг бэлэн байгаа.
Сайх бүсгүй толгой дээш татан тэдний өөдөөс мэл мэрэн ширтэж,
- Та нар юун улс вэ? Юу хэрэгтэй вэ? гэсэнд тэдний нэг нь,
- Та Дейна Эванс биш үү? хэмээн халагласанд тэр бүсгүй,
- Биш байлгүй яахав гэж хэлээд тэдний гараас мултран цааш оджээ. Нөгөө эрчүүд түүнийг тавьж явуулаад хар хурдаараа эргэн гүйх замдаа "уоки-токи" загварын утсаар,
- Буруу бай байна. Буруу бай байна. Миний хэлснийг сонсов уу? гэжээ.
Тэд нар дэлгүүрт гүйн орж ирэхэд Дейна ор сураггүй болсон байв.


Top
   
PostPosted: May.03.17 3:31 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Амь насыг нь хөнөөхийг хичээсэн нүднээ үл үзэгдэх олон дайсанд бүслэгдэж, алан хядлагын аалзан торонд унаж, хувь тавилангийн эрхээр хорон муу санаатны ертөнцөд өртөж, айн балмагдсандаа бараг ухаан тавьсан ганц бүсгүй сэрүүнээрээ хар даран зүүдэлж...
Энэ хүүхэн ганцаар, бүр цор ганцаар болжээ.
Хөлсний тэрэгнээс бууж хаашаа явахаа мэдэхгүй байсан ч яаран гүйж бусдын анхаарал татахгүй байхыг хичээн явж байтал
"УРАН ЗӨГНӨЛИЙН ХААНТ УЛС ЭНД БАЙНА: ЮУНД Ч ТААРАХ МООДНЫ ХУВЦАСНЫ ДЭЛГҮҮР" гэж тодоор бичсэн хаяг түүний анхаарлыг татжээ.
Дейна үл ойлгогдох тэмүүлэлд хөтлөгдөн тийшээ орж очвол, жижигхэн тасалгаанд олон өнгөөр солонгорсон костюм, хиймэл үс, гоо сайхны бараа өрсөн байжээ.
- Танд юугаар туслах вэ?
Тусалъя гэж байгаа бол цагдаа дуудаад өг. Хэн нэгэн этгээд намайг алах гэж оролдоод байна гэж хэлээрэй.
- Хадагтай таныг сонсож байна.
- Э-э-а-а тийм. Тод өнгийн хиймэл үс тааруулж үзэх гэсэн юм.
- Та наашаа яваарай.
Дейна толинд харж, том томоор эрчилсэн буржгар цайвар үстэй хүүхнийг үзээд гайхжээ.
- Энэ хиймэл үс таны гадаад төрхийг гайхалтай их өөрчилсөн байна шүү!
Тэгж найдъя...
Дейна тэр мухлагаас гарч хөлсний тэрэг зогсоогоод,
- Нисэх онгоцны О'Хейр буудал орно гэжээ.
Бушуухан нисэж Кемаль хүүтэйгээ уулзах хэрэгтэй байжээ.
Тэр хоёр зочны өрөөнд зурагт харж сууна. Жефф, Дейнагийн тухай тасралтгүй бодсоор байсан хэдий ч жирийн нэг өдөр өнгөрчээ. Хамгийн сүүлд Дейнатай утсаар ярьсан байдал түүнд нэг л таалагдахгүй байжээ. Дейна нэг юм нуугаад байх шиг.
Түүнд аюул нүүрлээд байгаа шиг санагдаж байлаа. Одоо Дейна хаана байна?
Утас дуугарахад Рейчел харилцуурыг авчээ.
- Байна уу... Янг доктор уу?.. Шинжилгээний эцсийн хариу гарсан уу?
Хүүхний царай чулуугаар сийлсэн мэт болон хувирахыг Жефф анзаарчээ.
- Та шинжилгээний хариуг одоо шууд хэлж болно. Түр хүлээгээрэй.
Рейчел хүүхэн Жеффийн өөдөөс хальт харан санаа алдаад утасны аппаратыг авч унтлагын өрөөнд орлоо.
- За яриарай доктор оо гэж сулхан хэлэхийг Жефф сонсжээ.
Ингээд удтал чимээгүй болсон тул сэтгэл зовсон Жефф унтлагын өрөөнд ороход бэлэн болоод байтал нүүр нь сэргэн өнгө орсон Рейчел гарч ирээд,
- Болоод явчихлаа, Жефф минь! Миний бие илаарьшиж байна гэнэ! Эмчилгээний шинэ арга тус болжээ! гэсэнд Жефф баярлан,
- Бурхны аврал! Юутай сайхан мэдээ вэ! хэмээн шогширсонд баяр хөөр болсон Рейчел хүүхэн,
- Аюултай үе өнгөрсөн ч гэсэн хэдэн долоо хоног хүлээ гэж байна гэсэнд Жефф,
- Нэг газар очиж тэмдэглэе. Би чамайг харзнаад чамтай хамт... гэж санал гаргав.
- Хэрэггүй.
- Юу "Хэрэггүй" гэж?
- Жефф минь, одоо чиний хэрэгцээгүй болсон.
- Мэдэж байна, бас тэгээд би дуртайяа...
- Чи намайг буруу ойлгоод байна. Чамайг явуулмаар байна.
- Гэвч яагаад ингэж байгаа юм бэ? гэж алмайрчээ.
- Хайртай хонгор Жефф минь сонс! Би чиний сайхан сэтгэлийг доромжлох гэсэн юм биш, гэвч одоо өвчин түр илаарьшиж байх хооронд ажилдаа ороход болж байна. Ажил бол миний амьдрал. Би өөр байдлаар амьдарч чадахгүй. Одоо би утасдаж захиалга байгаа эсэх талаар лавлана. Чи бид хоёр энд бүтэж үхэх шахлаа шүү дээ. Надад тусалсанд чинь баярласан, чамд үнэхээр их талархаж байгаад итгээрэй. Гэвч одоо салцгаах цаг ирлээ. Бас Дейна чамайг санаад хэцүүдэж байгаа. За тэгэхлээр хайрт минь цаг алдалгүй явж үз.
- За яахав, чиний хэлдэг зөв байх гэж Жефф толгой дохин хариулав.
Жефф өрөөндөө очиж юмаа төхөөрч аваад чемодан барин гарч ирэхэд Рейчел бас л утсаар ярьж байлаа.
- Би амьдын хорвоодоо эргээд ирлээ, Бетти минь. Чи баяр хүргэж болно шүү. Хэдэн долоо хоног болоод ажилдаа орно. Мэдэлгүй яахав. Би ч тэнгэрийн умдаг атгаад байна аа.
Жефф түүнийг ярьж дууссаны дараа салах ёс гүйцэтгэхээр тэвчээртэй хүлээсэн боловч Рейчел цовоолог байдлаар шулганан ярих зуур гар дохин ёслоод буруу харжээ.
- Одоо би юу хүсч байгааг мэдмээр байна уу? Өгөөмөр тансаг байгальтай... жигүүртэн шувуу донгодсон халуун орны арал дээр очиж зураг авхуулмаар байна...
Жефф үүд чиглэн алхахдаа Рейчел араас нь гунигтай хараад хоцрохыг үзээгүй өнгөрчээ. Гунигтай бөгөөд цөхрөнгөө барсан харцаар үдэн хоцорчээ.
Залуугийн хөлийн чимээ алслан замхрахад Рейчел харилцуураа зугуухан буцааж тавихад утасны аппарат шалан дээр тачигнан унахыг огт анзаарсан шинжгүй цонхны тэнд очжээ. Энэ хорвоогийн ээдрээтэй амьдралын туршид хайр сэтгэлээ өгсөн ганц эр холдон явааг харан харан зогсжээ. Харин Янг докторын хэлсэн үг чихэнд нь хадсаар байлаа,
- Стивенс хадагтай, танд төдийлөн таатай бус мэдээ дуулгах бол- сон нь их харамсалтай байна. Энэ эмчилгээ нэмэр болж чадсангүй... өвчний хоёрдох голомт тархаж элэг, уушгинд хүрсэн байна. Одоо яагаад ч нэмэргүй болсон шиг байна... ганц-нэг сар өнгөрөхөд...
Холливудын алдартай найруулагч Родерик Маршалл хүүхнийг хүрэлцэн ирсэнд баярлаж, таныг супер од болгоно хэмээн амлаж байсныг Рейчел нэхэн санажээ. Энэлэлт өвчний улаан манан хүүхний нүдийг дахин бүрхэхэд "Маршалл ийм жүжигчнээр бахархах байсан" гэдэг ганц бодол түүнд төржээ.
Далласын нэрэмжит Вашингтоны нисэх онгоцны буудал ердийн адил хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Яарч мэгдэрсэн зорчигчид тээшний тасгаар бужигнана. Дейна гар цүнхээ шүүрч аваад гадаа гарч нэг хөлсний тэргэнд суужээ. Орчин тойронд сэжигтэй зүйл анзаарагдаагүй боловч сэтгэл санааны хувьд барьц алдсан байлаа. Ядаж сайхан сэтгэлтэй ганц хүн тааралдвал уйлж унжин гомдолломоор байлаа. Гэтэл хавь ойрт нь гагцхүү хар элгийн хүмүүс байх ажээ.
Жижиг толь гаргаж үнэхээр танигдахгүй болсон эсэхийг шалгаж үзэв. Цайвар шаргал өнгийн хиймэл үс нь түүний гадаад намба төрхийг эрс өөрчилсөн байлаа. Одоохондоо энэ нь хүрэлцээтэй байлаа. Хамгийн гол нь Кемаль зүгээр байгааг мэдэж авах хэрэгтэй байв.
Хаалганы цаана ярьж байгаа хэн нэгэн хүний эрээ цээргүй чанга дуу Кемаль хүүг сэрээжээ. Жаал хүү нүдээ нухан өндийж суухад толгой нь эргэж, өрөө тасалгаа нь нүдний өмнө дунгуйлдан эргэлдэж байжээ.
- Нөгөө жаал унтаад л байгаа. Би хоолонд нь нойрны эм хийсэн юм гэж Дейли хадагтай тайлбарлахад үл таних эр,
- Одоо сэрээнэ байгаа гэхэд бас нэг эр хөндлөнгөөс,
- Сэрээхгүй байх нь дээр бус уу? Сэрэхээс нь өмнө машинд аваачаад хийж орхивол дуу шуугиан бага байх сан гэсэнд Дейли хадагтай,
- Энд нь цааш харуулахад ядах юу байхав. Хүүрийг дараа холдуулна биз хэмээн зөвлөжээ.
Хүүгийн нойр хулжин одлоо.
- Тэгж болохгүй. Цаадах чинь бидэнд хэрэг болно. Түүгээр өгөөш болгож тэр муу Эвансийг барьж авна.
Зүрх нь галзуу юм шиг булгилан дэлсэх Кемаль хүү тэдний яриаг чагнан хөдөлж чадахгүй сууж байв.
- Тэр хүүхэн одоо хаана байна?
- Одоогоор тодорхойгүй байна. Хүүгээ авах гээд ирэх нь гарцаагүй.
Кемаль хүү орноос үсрэн буусан хэдий ч айн балмагдсандаа болоод хөдөлж чадахгүй болов. Миний итгэж байсан бүсгүй нойрны эмээр мансууруулж байгаад алуурчдын гарт өгөх гэж байна. Өөдгүй новш! Үүнийгээ бүтээнэ гэж санасны чинь гарз! Намайг Сараевод алж чадаагүй юм чинь энд ч чадахгүй.
Кемаль сэмхэн хувцаслаж эхэлснээ... хиймэл гараа автал гараас нь мултарч шалан дээгүүр пижгэнэн гулсав. Аянга ниргэх адил энэ чимээнээр жаал хүү дахин хөдөлгөөнгүй болжээ. Яриандаа халуурсан алуурчид тэр чимээг сонсоогүй ажээ. Хиймэл гараа бэхэлж. Дотуур гадуур цамц өмсөөд цонхны тэнд очлоо. Хүйтэн агаар түүний нүүрийг хайран угтжээ. Хүрмээ үүдний өрөөнд орхин ганц нимгэн цамцтай гарсан Кемаль цонхны хөвөөн дээр гарч ирэхэд шүдээ тачигнуулан чичирч эхэлжээ. Хажууд нь байсан гал түймрийн үед хэрэглэдэг шатны бариулаас арай чүү барилаа. Чухам яаж бууснаа хүү санахгүй байв. Ямартай ч газарт хөл тавьсны дараа цаг харахад гуравт арван таван минут дутуу байсныг бодоход ямар нэгэн шалтгаанаар өдрийн хагасыг унтаж өнгөрөөсөн байлаа.
Эргэн тойрныг нэг харж аваад гүйж гарлаа.
- Ямартай ч тэр хүүхдийг хүлээд авъя.
Өрөөний үүдийг онгойлгон харсан эр мэл гайхан дуу алдаж,
- Хөөе, өнөөх чинь арилаад өгсөн байна! гэжээ.
Гурван эр цонхны дэргэд очиж хараад гудамжаар довтолгон яваа Кемалийг харж амжжээ.
- Араас нь гүйцгээе!
Кемаль хар даран зүүдэлсэн амьтан мэт довтолгон тэмүүлэхэд хоёр хөл нь сульдан, бохирч унахад ойрхон болж, амьсгаа авах тоолонгоор цээжинд нь чинжаал хутга зоох шиг болж байлаа. Сургуулийн гол хаалга түгжихээс өмнө гурван цагт амжаад очвол амь гарах нь гарцаагүй! Олон хүүхдийн дунд ороод байхад түүнд гар хүрэхгүй нь мэдээж.
Замын уулзвар дээр хүрч очиход улаан гэрэл асаж байсан боловч Кемаль огт тоосонгүй дайран гарахад жолооч нар хашгиралдан хараал зүхэл болж, олон машины дуут дохио, тоормос хяхтнах чимээ гудамж дүүрэн хангинах хэдий ч жаал хүү машины завсар заалхайгаар сүлжин гүйсээр гудамжны цаад талд гарчээ.
Келли хадагтай цагдаа дуудаж Дейнагийн амийг аврах биз хэмээн дотроо бодно.
Амьсгаа нь давхцан багтарч, цээж давчдан гүйж явахдаа дахин цаг харахад гуравт таван минут дутуу байлаа. Сургууль ойртож, ганц байшин өнгөрөөд очихоор болсон байв. Одоогоор хүүхдүүд тарж амжаагүй байгаа, бүх сурагчид тарж дуусахад хугацаа хэрэгтэй байсан болохоор аюулгүй байдалд тулж ирээд байлаа.
Ганц минутын дараа сургуулийн гол хаалганд тулж очиход хаалттай байхыг үзээд гайхан гөлөрчээ. Юу гээч болж байгаа нь энэ вэ?
Гэнэт нэг хүн мөрөн дээр нь гараа тавьж,
- Өнөөдөр бямба гараг шүү дээ, тэнэг минь гэжээ.
Дейна, гэрээсээ хоёр байшингийн наана байх гудамжны үзүүрт ирээд хөлсний тэрэгнээс бууж, холдон одох машины араас харан цааш алхахдаа, орчин тойронд ер бусын ямар нэгэн юм байгаа эсийг сэргэмжлэн ажиж явлаа. Ер нь сэтгэл түгших хэрэг байна уу? Нэгэнт Стоун амласан болохоор Кемаль маань тэдний хүмүүсийн асрам- жинд байх нь дамжиггүй биз.


Top
   
PostPosted: May.03.17 3:32 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Гэртээ дөхөж ирээд гол хаалгаар орсонгүй, нөгөө талаар нь тойрч арын хаалганы шат руу очиход хэн ч байсангүй. Нарийн хаалгаар дотогш орж, сэмхэн өгсөн явсаар хоёрдугаар давхарт гарч, дэлгэн хаясан хаалгыг хараад хөшин зогсов. Аймшигт автан балмагдсан хүүхэн урагш тэмүүлэн,
- Кемаль! хэмээн хашгирав.
Амьд амьтны бараа байсангүй. Сүнсээ зайлтал айсан Дейна орон гэрээ самнан нэгжиж, чухам юу гээч болсныг тааварлаж ядан сандарч байтал гал тогооны ширээний татуурга шалан дээр хэв- тэхийг олж харлаа. Хулдаасан шалан дээгүүр задалсан задлаагүй баахан эмийн уут хөглөрч байх ажээ. Тэдний гэрт хэзээ ч ийм юм байгаагүйг Дейна мэднэ. Нэг уут авч үзвэл,
"Бу-спар, нунтаг, 15 мг. Л/05 0087 0822-32" гэсэн бичигтэй байжээ.
Энэ чинь юу байх билээ? Дейли хадагтай мансуурах донтон юм уу? Аль эсвэл Кемальд уулгаж байсан юм уу? Жаал хүү хачин нозоорсон байдалтай байсан нь үүгээр тайлбарлагдах бус уу?
Эмийн уутнаас нэгийг авч пальтоны халаасанд хийгээд, муу ёрын хар совинд автан гэрээсээ гарч, ирсэн замаараа гудамжинд гарчээ. Гудамжны үзүүрээр эргэх гэж явтал, бүдүүн модны цаана нуугдан зогссон нэг эр цаад булангийн тэнд зогссон хамсаа тантайгаа ярилцаж байгаа харагджээ.
Тэрүүхэн хажууд нь эмийн сан байдгийг Дейна мэдэх юм. Тэр эмийн сангаас байн байн эм худалдаж авдаг байсан учраас байнгын үйлчлүүлэгч нь болсон байжээ. Тэнд орж очиход эмийн санч найр тавин инээмсэглэж,
- Эванс хадагтай, тантай уулзсангүй уджээ. Таны бие сайн биз дээ? гэжээ.
- Бие сайн. Би ийм нэг юм сонирхож явна гэж хэлээд эмийн уутыг өгсөнд уншиж үзээд,
- А-а, Бу-спар байна. Тайвшруулах эмийн төрөлд багтдаг, усанд уусдаг цагаан өнгийн талст байгаа юм гэжээ.
- Ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ?
- Тайвшруулах үйлчилгээтэй. Тунг нь хэтрүүлбэл нойр хүргэж ядраадаг юм.
- Унтаж байгаа л даа. Сэрээх үү?
- Сургуулиас ядарч ирдэг болохоор унтаж амарвал зүгээр юм уу гэж бодсон юм л даа гэж байсныг саналаа.
Энэ бүх хугацаанд Кемалийг яаж байсан нь одоо тодорхой боллоо. Тухайлбал Памела Хадсон хүүхэн Дейли ахайтныг ажиллуулах санал гаргасныг яагаад бодсонгүй вэ? Гэтэл Дейна өөрөө л Кемаль хүүг энэ өлөгчний саварт атгуулсан байх нь гээч!
Дейнагийн дотор муухай болж огьдос хүрчээ.
Дейна асар их тэвчээр гарган биеэ барьж, толгой дохисон болоод,
- Кокина танд баярлалаа гэв.
- Баярлаад байх юу байхав.
Дахин гадаа гартал халз өөдөөс нь ирж яваа хоёр эрийг хараад сүнс нь зайлжээ.
- Эванс хадагтай тантай түр уулзаж болох...
Хүүхэн эргэн зугтахад хоёр эр араас нь хөөв. Сандран гүйсээр замын уулзварт зогсож байгаа хөдөлгөөн зохицуулагч цагдаа руу харайлган очлоо.
- Хөөе хадагтай та буцаад яв!
Дейна түүний хашгирахыг огг тоосонгүй.
- Та улаан гэрлээр орчихлоо шүү дээ! Сонсов уу? Одоохон буцаач.
Нөгөө хоёр тээнэгэлзэн зогслоо.
- Та дүлий юм уу, хаашаа юм? гэж цагдаа хашгирсанд Дейна,
- Амаа хамхи! гэж хэлээд нэг сайн алгадав.
Уурласан цагдаа хүүхний гараас зууран авч,
- Хадагтай таныг баривчиллаа гэж хэлээд чирч гулдран явган хүний зам дээр гарч ирээд, эргүүлийн машин ирүүл гэж зөөврийн радиогоор хэлжээ.
Яах учраа олохгүй алмайрсан хоёр эр өөд өөдөөсөө харж, ялан дийлсэн Дейна баясан инээв. Бүрээн дуу чихэнд хадан хангинасаар эргүүлийн машин ирж, Дейна хүүхнийг арын суудалд суулган авч одохыг алмайрсан хоёр эр хараад хоцорчээ.
Төдхөн цагдаагийн хэсэг дээр ирж, нэг түрүүч протокол хөтөлж амжаагүй байхад,
- Би нэг удаа утсаар ярих хууль ёсны эрхтэй биз дээ? гэж Дейна асуусанд утасны аппарат дөхүүлж өгөв.
Харин цагдаагийн хэсгийн цаад талын хэдэн байшингийн тэнд Кемалийг заамдан чирсэн нэг эр, замын хашлаганд шахан асаалттай нь орхисон лимузин тийш зүтгэж явав.
- Намайг тавиач дээ гээд л жаал хүү царайчилна.
- Амаа тат, өөдгүй муу зулбасга.
Аз болж, тэнгисийн дөрвөн явган цэрэг хажуугаар нь өнгөрч явжээ.
- Би тантай хамт мухар гудамжинд очмооргүй байна! хэмээн Кемаль чарласанд санаандгүй байсан эр золтой л тавиад явуулсангүй өнгөрөв.
- Чи юу яриад байгаа юм бэ?
- Намайг тийшээ битгий чирээч. Ах нар аа, энэ хүнтэй хамт мухар гудамжинд очвол таван доллар өгнө гэсэн, гэвч би хүсээгүй учраас одоо намайг хүчээр чирээд байна! гэж Кемаль уйлан учирласанд тэнгисийн явган цэргүүд зогсож нэг нь,
- Чи яасан балиар амьтан бэ! гэж шүд зуун хэлсэнд нөгөө эр ухарч,
- Тийм бишээ, биш. Хүлээгээч, та нар буруу ойлгосон байна гэхэд өөр нэг усан цэрэг,
- Ойлгохоор нэг болсон. Наад хүүхдээс савраа тат! гэж зандрав.
Усан цэргүүдэд бүчүүлсэн сайх эр гар өргөн өөрийгөө хамгаалах хооронд Кемаль мултран гарав. Нэг зарлага унадаг дугуйнаас бууж боодолтой юм бариад байшинд орохоор явахад Кемаль дугуйг унан зугтжээ. Нөгөө эр яах аргагүй болж, холдон одох хүүг хараад хоцорчээ. Усан цэргүүд сүржин дуугаралдан ойртоход мань эр хар амиа бодох хэрэгтэй болжээ.
Дейна, тасалгааны буланд шигдэж, урт бандан сандлын нэг үзүүрт, будаг шунх болсон элдэв чамин хувцастай хүүхнүүд, учир утгагүй дэмий юм донгосон байх согтуу хөгшнөөс зай барин суужээ. Төмөр торон хашлаганы цаад талд хэнэггүй царайлан юм бичиж суусан түрүүч дээр нэг цагдаа ирж хэдэн юм хэлсэнд сайх түрүүч толгой дохиод аажуухан босож, торон хаалга нээгээд,
- Эванс хадагтай та явж болно. Таныг барьцаалан гаргалаа гэжээ.
Буянтай Мэтт минь! Цаг алдалгүй тусалжээ! Юутай их аз завшаан бэ!
Дейна цовоолог алхан гартал өнөөх танил болсон мөрдөн мөшгөгчийг хараад гайхан зогтусав. Хатавч налан зогсоод тайван хүлээж байсан өнөөх эр,
- За яав, дүү хүүхэн? Ханатлаа зугтаж амрав уу? Алив явцгаая гээд Дейнагийн гараас зууран барьж үүдний зүг түлхэв.
Дөнгөж хаалгаар гартал гайхан зогтусах ээлж нөгөө эрд тохиожээ. Учир нь, үүдний довжооны тэнд телевизийн WТО сувгийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн байжээ.
- Дейна, наашаа хараарай.
- Дейна чи цагдаа алгадсан нь үнэн юм уу?
- Юу болсон талаар яриач.
- Тэр цагдаа чамайг оролдсон юм уу?
- Чи түүнийг шүүхэд өгөх үү?
Мөрдөн мөшгөгч нүүрээ дарахад Дейна түүнийг дуудан,
- Яасан бэ? Зургаа авхуулах дургүй байгаа юм уу? гэсэнд сайх эр байдгаараа бөгтийж шившигтэйгээр зугтжээ. Дейнагийн хажууд Мэтт Бейкер хүрч ирэв.
- Бушуухан эндээс явъя.
Ингэж хэлээд машинд суулгаж, алдаж юун магад гэсэн шиг бүх замын турш түүний гарыг атган явсаар өрөөндөө оруулсны дараа Эллиот Кромвелл, Эбби Лассман нар орж ирэв. Тэр гурав мэл гайхан Дейнагийн ярьсан үнэмших аргагүй паянг сонслоо.
- ...ХСША ч үүнд оролцсон. Тийм учраас Бустер генерал миний хийх гэсэн мөрдөн шалгах ажилд саад тавих гэж оролдсон.
- Гайхаж баршгүй юм болжээ. Бид яахлаараа Уинтропын талаар ингэж их эндүүрдэг байна аа?! гэж Эллиот Кромвелл аман дотроо бувтнахад Дейна,
- Гэлээ ч гэсэн бидэнд бас л нотолгоо алга байна. Рожер Хадсонтай зөрж миний хэлэх үгнээс өөр юм алга. Хэний үгэнд итгэнэ гэж бодож байна? Энэ талаар бодох юм байхгүй. Тийм их нөлөөтэй хүнийг эсэргүүцээд ямар ч нэмэр байхгүй! гэсэнд Эбби,
- Үнэхээр ямар ч нотолгоо алга уу? хэмээн санаа алдав.
- Александр Ждановын дүү амьд сэрүүн байгаа. Ахыг нь хөнөөсөн алуурчныг тэр хүн нуухгүй нь лавтай. Энэ хэргийг задлахад барьж авах цорын ганц сэжүүр энэ байгаа юм.
Мэтт толгой сэгсэрч, шагшин гайхсан харцаар Дейнаг ширтэн,
- Ярих юм алга. Чи нэг хэрэг бариад авахад үнэхээр тэнгэр нурах шиг болох юм! гэсэнд Дейна,
- Мэтт чи Кемалийн тухай мартаагүй биз дээ? Түүнийг хаанаас эрэхээ мэдэхгүй байна гэсэнд Бейкер шуудхан,
- Санаа зовсны хэрэггүй. Бид түүнийг заавал аварна. Харин одоохондоо чамайг хаана нуусныг хэн ч олж мэдмээргүй нэг хоргодох газар олох хэрэгтэй боллоо гэтэл Эбби хөндлөнгөөс,
- Манай гэр болно биз дээ? Тийшээ очих бодол хэний ч санаанд орохгүй гэхэд Дейна уртаар амьсгаа авч,
- Баярлалаа, Эбби минь. Би үүнийг хэзээ ч мартахгүй. Харин одоо Кемалийн талаар... гэв.
- Бид нар одоо Холбооны мөрдөх товчоотой утсаар холбоо барьж чамайг Эббийн гэрт хүргүүлнэ. Одоо бүх юм бидний гарт орсон болохоор сэтгэл түгшээд яахав. Ямар нэгэн сураг чимээ гарангуут чамд утсаар дуулгана.
Кемаль эргэж харан харан явахдаа мөрдөн хөөгчөөс салсан шиг байжээ. Ядахдаа Дейнаг олоод авдаг болоосой! Дейнадаа ч хуруу хүргүүлэхгүй дээ! Гай болоход Дейнагийн ажлын газар Вашингтон хотын нөгөө захад байдаг, гэтэл жаал хүү туйлдан тартагтаа тулсан байлаа.
Автобусны буудал хүрээд дугуйгаа ногоон дээр тавиад хүлээлээ. Халаасандаа сохор зоосгүй явааг автобус ирэхэд гэнэт санажээ.
Хажуугаар өнгөрч явсан нэг эрийг тосон очиж,
- Уучлаарай, надад... гэтэл цаадах нь
- Цаашаа яв, хүү минь гэжээ.
Эмэгтэй хүн арай зөөлөн сэтгэлтэй байдаг болов уу?
- Уучлаарай, надаа автобусны мөнгө...
Гэтэл нөгөө бүсгүй огт тоосон шинжгүй яваад өгчээ.
Кемаль хүйтэн салхинд эвхрэн зогслоо. Түүнийг тоох амьтан олдсонгүй.
Ямар ч гэсэн ядаж хоёр доллар заавал олох хэрэгтэй байлаа!
Хиймэл гараа салган авч хогийн савны цаагуур хийгээд нэг хүнд мухар гараа харуулан,
- Уучлаарай эрхэм ээ, хэдэн зоос хайрлахгүй юу? Гэдэс өлсөөд бас автобусанд суух мөнгө байдаггүй гэтэл нөгөө хүн толгой дохин зогсож,
- Өгөлгүй яахав, хүү минь гээд нэг доллар өгчээ.
- Баярлалаа, эрхэм ээ.
Нөгөө эрийг далд орохын хамт хиймэл гараа авч бушуухан тогтоогоод автобус хүлээлээ. Автобус ирж явахыг хараад "Бүтлээ шүү! Болчихлоо!" хэмээн баярлан боджээ.
Шилэн хүзүүн дундуур нь нэг юм дэлсэх шиг болоход эргэж харах гэсэн боловч хамаг юм нүднийх нь урдуур эргэлдэн,
- Үгүй! Үгүй! хэмээн аман дотроо гөвтнөхөд толгой дотор нь нэг юм тэсэрч, жаал хүү ухаан алдан унахад сониуч хүмүүс цуглаж эхлэв.
- Яасан бэ?
- Ухаан алдаад унав уу?
- Энэ жаал өвчтэй юм уу?
- Миний хүү чихрийн шижин өвчтэй юм. Одоо аваад эмнэлэг явлаа гэж нэг эр тайлбарлаад хөсөр унасан хүүг тэврэн лимузин машины зүг хөдлөв.
Эббийн гэр Вашингтоны баруун хэсэгт байх ажээ. Цагаан хивс дэвсэж, орчин цагийн тавилгаар донжийг нь олж тохижуулсан тэр том байранд сэтгэл нь хямарсан Дейна утас дуугарахыг чагнан өрөө дамжин холхисоор байлаа.
Кемалийн бүх юм сайн сайхан болох учиртай. Тэд нар яах гэж түүнд муу юм хийх юм бэ? Кемаль тэвчээд давж чадна. Харин хүү хаана байгаа билээ? Яагаад одоо болтол олдохгүй байна?
Утасны хонх гэнэт дуугарахад Дейна давхийн цочиж харилцуурыг шүүрэн авлаа.
- Байна уу!
Чимээ алга.
Дахиад хонх дуугарлаа.
Өөрийнх нь гар утас дуугарсныг Дейна дөнгөж сая ухаарчээ. Бурхны авралаар манайхан утасдлаа гэж бодоод товчлуурыг даран,
- Жефф үү? гэтэл Хадсоны тайван дуу гарч,
- Дейна бид таныг эрж оллоо. Кемаль манайд байна гэжээ.
Дейна хөдөлж чадахгүй болж,
- Рожер... гэж шивнэн дуугарав.
- Би өөрийнхөө хүмүүсийг барьж дийлэхгүй болов бололтой. Тэд нар Кемалийн нөгөө гарыг тайрч хаях гэж байгаа. За яах вэ, тэдний энэ бяцхан зугаа цэнгэлийг зөвшөөрөх үү?
- Болохгүй ээ! Та...та юу хүсэж байна? гэж дэмийрэх шахсан Дейна орь дуу тавин хашгирав.
- Хэдэн үг солих гэснээс өөр хүсэх юм алга. Манайд хүрээд ир, хоёулаа ярилцъя. Хүн дагуулж огт болохгүй шүү. Хүн дагуулж ирвэл Кемальд юу тохиолдохыг би хариуцахгүй шүү.
- Рожер...
- Хагас цаг хүлээе.
Хадсон утсаа тасалжээ.
Айн балмагдсан Дейна "Кемальд муу юм тохиолдох учиргүй. Кемальд муу юм тохиолдох учиргүй" гэж дотроо давтсаар байв.
Чичирсэн гараар Бейкерийн утсанд залгалаа. Автомат хариулагч дуугарлаа.
- Та Мэтт Бейкерийн ажлын байр байна. Би эзгүй байна, гэвч та мэдээлэх зүйлээ үлдээгээрэй,Анхны боломж гарахын хамт эргэж утасдъя.
Үргэлжилсэн урт дохио дуугарахад Дейна цээж дүүрэн амьсгаа аваад,
- Мэтт ээ, Рожер Хадсон надтай утсаар ярилаа. Кемалийг хулгайлж аваад гэртээ байлгаж байгаа гэнэ. Би тийшээ явлаа. Кемальд муу юм тохиолдохоос өмнө яарч үзээрэй. Цагдаагийн газарт дуулгаарай. Хурдлаарай! гэж хэлээд утсаа тасалж, үүд чиглэн хөдлөв.
Бейкерийн ширээн дээрх бичиг захидал эмхэлж байсан Эбби Лассман автомат хариулагчийн гэрэл анивчиж байхыг санаандгүй олж хараад Бейкерийн нууц тоог утсанд суулгаж бичлэгийг уншиж үзээд Дейнагийн дууг сонссоны дараа хэсэг зуур бодож байснаа инээмсэглэн "арчих" гэсэн товчлуурыг дарав.
Ингээд гүйцээ.
Тэр их зантай гичий хаашаа алга болсныг одоо хэн ч мэдэхээ өнгөрсөн.
Ингээд дуусах нь тэр.
Инээдмийн жүжгийн төгсгөл ийм байжээ.
Жефф Вашинтонд ирээд онгоцноос буухын хамт Дейна руу утасджээ. Хамгийн сүүлд түүний,
- Хэрэв надад ямар нэгэн юм тохиолдвол... гэж хэлсэн нь Жеффийн толгойноос гарахгүй байжээ.
Тэнгэр минь. Энэ нь зөвхөн эв дүйгүй зохиосон өгүүлбэрээс үүдэн гарсан хуурмаг түгшүүр байх болтугай!
Дейнагийн гар утас хариу өгсөнгүй. Гэрийн утсанд нь залгахад бас хариу алга.
Жефф жаахан бодож байгаад хөлсний тэрэг авч Дейнагийн ажлыг зорив.
Хаанаас эхэлж сураглах вэ?
Мэтт заавал мэдэж байх учиртай.
Хүлээн авах өрөөнд орохын хамт Эбби хүүхэн баяр хөөр болон,
- Жефф хүрээд ирлээ! Чамтай уулзахад маш таатай байна! гэсэнд, -Баярлалаа, Эбби хэмээн толгой дохиод Бейкерийн өрөөний хаалгыг татан ороход цаадах нь мэнд мэдэхийн оронд,
- Чи ингэж нэг ирдэг байжээ! Рейчелийн бие яаж байна? гэхэд Жефф анхандаа тулгамдаж байснаа тамиргүй сулхан дуугаар,
- Зүгээр. Дейна хаана байна? Утсандаа хариу өгөхгүй байх юм гэсэнд Мэтт мэл гайхан,
- Энд ямар хэрэг мандаад байгааг чи үнэхээр мэдээгүй юм уу? гэжээ.
- Мэдээгүй юм шиг байна. Надад ярих юм биш үү?
Энэ хооронд Эбби үүдэнд гүйн ирж хаалганы бүлээхэн модонд чихээ наалдуулан чагнасан боловч гай болоход энд тэндээс цөөн бүр үг сонсжээ.
- Амь насанд нь хэдэн удаа халдсан... Александр Жданов... Красноярск-26... Кемаль... Рожер Хадсон...
Гэвч энэ нь хангалттай биз.
Эбби яаран утсан дээр очиж товчлууруудыг дарснаар Сейзар тэр дор нь Хадсоныг утсан дээр дууджээ.
Гайхан балмагдсан Жефф, Мэттийн өөдөөс ширтэж,
- Итгэж чадахгүй байна. Итгэж чадахгүй юм... гэсэнд ,
Мэтт Бейкер,
- Энэ бол хольцгүй үнэн шүү. Дейна маань Эббийн гэрт байгаа. Дахиад гэр рүүгээ утсаар ярь гэж Эббид хэлье гээд тод холбооны аппаратын товчлуурыг дараад юм хэлж амжихаас өмнө Эббийн чанга дуу өрөө дүүрэн хангинажээ.
- ...Жефф Коннорс бас ирчихээд байна. Дейнаг эрж яваа гэнэ. Та Дейнаг манайхаас гаргаж авна байгаа. Эд нар танайд очихоор гарах гэж байна... Мэдлээ. Хадсон ноён, би бүгдийг гүйцэтгэе. Хэрэв...
Ард нь гарсан чимээгээр Эбби эргэн харвал үүдэнд Жефф зогсож түүний цаана Мэтг Бейкер харагджээ. Мэттийн уур дүрсхийж, -Өөдгүй муу шаар! хэмээн хашгирав.
Харин түүнтэй зууралдах сэхээ Жеффэд байсангүй.
- Би маш яаралтай Хадсоныд очих хэрэгтэй байна. Машин хэрэг болох нь. Мэтт цонхоор хараад,
- Чи яагаад ч хэрэгтэй цагтаа амжиж очихгүй. Замын түгжрэл ямар их байгааг хараач! гэжээ.
Орой дээр нь моторын дуу гарлаа.
Байшингийн орой дээр нисдэг тэрэг буудаг талбай байгааг тэд нар мартсан байжээ!
Нисдэг тэрэг байшингийн орой дээр буух болжээ.
Хоёр эр өөд өөдөөсөө харав.


Top
   
PostPosted: May.03.17 3:33 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 25.

Эббийн гэрээс гарахын хамт хөлсний тэргэнд суусан боловч замд даанч удаан явжээ. Байн байн замын түгжрэлд саатан, халтиргаатай замаар гэлдрэхэд Дейна хожимдохоос айн сандарч явлаа.
- Бушуухан явж үзээч гэж жолоочийг царайчлан гуйхад цаадах нь тоомжиргүйгээр толинд харж,
- Хадагтай минь, энэ маань онгоц биш, би ч гэсэн амиа золиослогч биш шүү гэжээ. Дейна юутай учрах гэж яваагаа бодон машины арын суудалд эвхрэн суужээ. Мэтт миний үлдээсэн мэдээллийг сонсоод цагдаагийн газарт дуулгасан нь лавтай.
Намайг очихоос өмнө цагдаа нар очсон байх биз. Хэрэв очоогүй байвал цаг сунжруулахыг бодохоос өөр аргагүй.
Дейна гэнэт нэг юм санаж цүнхээ уудалж үзвэл савтай шахмал хий байж байлаа. Их сайн байна. Намайг ямар ч тэмцэлгүйгээр бууж өгнө гэж Рожер, Памела хоёр бодож байгаа бол эндүүрэл болно.
Хөлсний тэрэг явсаар Хадсоны гадаа ирж зогсоход мөнгөө төлөөд цонхоор харвал цагдаагийнхан ирсэн шинжгүй, үүдний цэцэрлэгт гудамжинд эл хуль байжээ.
Дейнагийн хоолой давчдан бачуурч эхлэв.
Анх эднийхээр ирэхэд найрсаг сайхан зантай гэрийн эзэд угтаж байсныг эргэн саналаа. Гэтэл тэд нар нялх хүүхдийг хүртэл өршөөх сэтгэлгүй аймшигтай мангас, гэмт хэрэгтнүүд байжээ.
Хүүхний үзэн ядах хорсол, уур хилэн хослон оргилж байв.
- Таныг хүлээх үү? гэж жолооч асуухад толгой сэгсрэн хариулаад, бушуухан явж дээд давхарт гарч, хонх дараад бэлбэлзэн дэлсэх зүрхээ даран хүлээлээ.
Урьдын адил Сейзар үүд онгойлгож өгөөд нүүр дүүрэн мишээж,
- Эванс хадагтай! хэмээн угтжээ.
Дейна хоёр хөл дээрээ тогтож ядан баярлаж, ямартай ч энэ хорон санаатай айлын гэр дотор миний холбоотон болох ганц хүн байна хэмээн боджээ.
- Сайн байна уу, Сейзар хэмээн мэндлэхэд сайх хаалгач баавгай гараараа хүүхний гарыг атгаж,
- Эванс хадагтай тантай уулзсандаа баяртай байна гэв.
- Би бас баяртай байна.
Дейна үүнийг чин сэтгэлээсээ хэлжээ. Учир нь, энд Сейзараас өөр туслах хүн байхгүй. Сейзар гарцаагүй тусална! Харин түүнд хэрхэн ойртох билээ гэдэг нэг асуудал үлдээд байв.
Дейна эргэн тойрныг хальт харж,
- Сейзар... гэтэл цаадах нь
- Хадсон ноён таныг өрөөндөө хүлээж байгаа хэмээн амыг нь таглажээ.
Одоо ярих цаг биш учраас ингэх нь зөв гэж Дейна бодов.
Сейзарыг даган хонгилоор явж байхдаа, хэдэн долоо хоногийн тэртээ эднийд ирж явснаас хойш санаанд багтмааргүй үйл явдлууд болж өнгөрснийг нэхэн санажээ.
Өрөөний үүдэнд ирж Сейзар хаалга онгойлгож өгөхөд Рожер ширээний ард бичиг цаас эмхлэн сууж байлаа.
- Эванс хадагтай ирлээ гэж хаалгач илтгэв.
Рожер хөмсөг өргөн харахад Сейзар их л хүндэтгэлтэйгээр толгой мэхийн ёслоод гарч одов.
Хүүхэн түүнийг дуудан эргүүлж авчирмаар санагджээ.
- За Дейна хүрээд ирлээ, орооч дээ.
Дейна арай ядан босго алхаж ороход айх сэтгэл огг төрсөнгүй, гагцхүү цаглашгүй их хорсол буцалж байсан нь хачирхалтай байжээ.
- Кемаль хаана байна, чөтгөр авмар минь? !
- Манай хүү ч хөөрхөн жаал шүү!
- Рожер аан гэж бай, одоохон цагдаа нар ирнэ. Над юм уу миний хүүхдэд гар хүрсэн байвал...
- Ид шид болно гэж горьдсоны хэрэггүй биз, Дейна. Би таны оронд байсан бол цагдаагийн тухай мартах байсан.
Дейнаг сэхээ авч амжаагүй байтал Рожер тулж ирээд хүүхний цүнхийг суга татан аваад онгичиж эхлэв.
- Танд савтай шахмал хий байгаа гэж Памела ярьж байсан юм. Та бүх зүйлийг няхуур бэлдсэн байна, тийм биз Дейна?
Жижиг савтай хийг гаргаж ирээд Дейнагийн нүүр руу шүршихэд хүүхэн хашгирав.
- Энэ бол зөвхөн эхлэл шүү хонгор минь, жинхэнэ тарчлаана гэж юу байдгийг та аяндаа мэдэх болно.
Дейна, хацар дээгүүрээ урсах нулимсыг гарынхаа алгаар арчих гэж дэмий оролдож байлаа. Рожер найр тавин хүлээж байгаад хүүхнийг хоёр гараа доош буулгахын хамт дахин нэг шүршлээ.
- Чи Кемальтай уулзмаар байна гэж Дейна уйлагнан үглэв.
- Тэгэлгүй яахав! Кемаль бас тантай уулзахын хүслэн болж байгаа. Жаал хүү үнхэлцгээ хагартал айсан байгаа даа, Дейна. Тэр одоо үхэх ёстой болоод байгаагаа мэдсэн, бас таны хоногийн тоо дуусаж байгааг би түүнд тайлбарлаж өгсөн. Та өөрийгөө их ухаантай хүн гэж хөөрцөглөсөн биз дээ? Харин үнэн хэрэгтээ бол, хөндлөнгийн юманд хошуу дүрсэн гэнэн тэнэг амьтан байхгүй юу. Бид таныг өөрийн зорилгод ашиглах аргыг олсон. Оросын засгийн газарт бидний бөгсийг ухаад байгаа хүмүүс байна гэдгийг бид мэдэж байсан юм. Бидний эрхэлдэг бяцхан бизнесийг илчилж, хариуд нь өөртөө эрх чөлөө худалдаж авах гэсэн улс байгаа нь тодорхой байсан. Харин та байгаагүй бол хэн нь урвагч болохыг мэдэхгүй өнгөрөх байсан юм. Ингээд та тусалсны ачаар бидний ажил хэрэг шуурхайлах замдаа орсон.
Жданов болон хөөрхий Сайнисийн цус нөж болсон хүүр... ямартай ч үүний буруутан нь Дейна байжээ.
- Таныг бодвол Жданов ухаантай хүн байсан. Одоогоор Борисыг олоогүй байна, гэвч энэ бол цаг хугацааны асуудал төдий юм.
- Рожер оо, Кемаль үүнд ямар ч хамаагүй хүүхэд. Түүнийг суллаж...
- Дейна, та юу ярина бэ. Яаж тэгж болох юм бэ! Та бол үйлийн лайтай Жоан Сайниситэй уулзаж намайг анх удаа цочоосон хүн. Тэр бүсгүй ямар нэгэн байдлаар, Оросын төлөвлөгөөний тухай Уинтропын ярьсан зүйлийг сонссон хүн байсан. Уинтроп түүнийг хүний гараар ч гэсэн цааш харуулахад гар татаад өрөвдөлтэй тэр амьтныг ажлаас халсан байгаа юм. Гэтэл өнөөх маанаг эм нь хуучин ажилдаа эргэж орох хүсэлт гаргаж шүүхээр заргалдсан. Тэгэхлээр нь, сонссон зүйлээ хэнтэй ч ярилцахгүй байх болзол тавиад нөхөн төлбөр олгосон юм гээд,
Рожер уртаар санаа алдав.
- Энд ч гэсэн таны хүчин зүтгэл орсныг харж байгаа биз. Танд хаа дайралдсан газраа шиншилж явдаг заншил байгаагүй бол Жоан өнөөдөр амьд байх байсан.
- Гэтэл Жек Стоун мэдэж...
- Тэгээд юу гэж? Стоун болон түүний мэдлийн бүх хүмүүс таны алхам нэг бүрийг хянаж байсан юм. Бид таныг дуртай цагтаа замаас зайлуулж болох байсан, гэвч бидэнд хэрэгтэй мэдээлэл цуглуулж өгөхийг чинь хүлээсэн юм. Одоо та хэрэггүй болсон. Та одоо боловсорсон бүтээгдэхүүний шаар хаягдал болсон.
- Би Кемальтай уулзмаар байна хэмээн Дейна зүтгэж үзлээ.
- Дэндүү оройтжээ. Хөөрхий Кемаль муугаа үзнэ байх даа.
- Та юу гэх...
Цаглашгүй их айж барьц алдсан Дейна тамлан зовоогчийн өөдөөс харан чимээгүй болов.
- Нэг жижигхэн хөөрхөн түймэр тавьж тэр муу тахир дутуу жаалын өрөвдөлтэй амь насыг нэг тийш болгох нь хамгийн шилдэг арга болно гэж Памела бид хоёр шийдсэн юм. Одоо түүнийг сургуулийн газар доорх давхарт хаясан байгаа. Тэр муу хогийн жаал бямба гараг болчхоод байхад сургууль дээр давхиж очсоноор барахгүй газар доорх давхрын цонхоор орж гал тавьсан байгаа юм даа! Тэр муу туранхай золиг ямар ч завсар заалхайгаар шургаж чадах нь мэдээж, гэтэл хаа хамаагүй газар давхиж очоод тэндээсээ гарч чадаагүй шүү.
- Өөдгүй муу новш! Үүнийгээ амжуулж чадна гэж бүү горьдоорой!
- Та миний урмыг хугаллаа. Алдар цуутай сэтгүүлч гэхэд ийм гэнэн байх гэж дээ! Бид бүх юмыг амжуулсаар ирсэн улс гэдгийг даанч ойлгохгүй байх юм!
Рожер босож ширээний хажууд очоод товчлуур дарахын хамт орж ирсэн Сейзар,
- Хадсон ноён, юу гэсэн бол? гэв.
- Эванс ахайтныг харгалзаж бай. Золгүй явдал тохиолдох болтол энэ хүнийг амьд байлгах талаар бүхнийг хийнэ шүү.
- Мэдлээ, Хадсон ноён, Тушаасан ёсоор гүйцэтгэе.
Сейзар чинь энэ хорон санаатнуудын нэг нь болж байна уу? Итгэмээргүй юм!
- Рожер, та сонс... Сейзар, Дейнагийн гараас хөтөлж үүд чиглэн хөдлөв.
- Рожер...
- Үүрд баяртай, Дейна.
Сейзар хүүхний гарыг хайр найргүй чанга базаж хонгилоор чирэн гал тогооны өрөөнд очихоор явлаа. Гал тогооноос гадагшаа гардаг хаалгатай агаад цаана нь лимузин машин зогсож байлаа. Дейна ухаан алдах янзтай болжээ. Жаахан азнавал газраар чирүүлэх дээр тулжээ. Ингээд зүйл дуусах юм шиг байна. Хамаг амьтанд хаягдаж нэг ч туслах хүнгүй болсон учир эсэргүүцээд нэмэргүй болжээ.
Хадсоны эдлэн газар дээгүүр нэг удаа тойрсон нисдэг тэргэн дотор явсан Жефф,
- Зүлгэн дээр бууя... хэмээн эхэлсэн боловч тэр дор зогсож байсан лимузин машинд Дейнаг түлхэн оруулж байгаа Сейзарийг олж хараад:
- Болилоо. Түр хүлээ гэжээ. Нөгөө машин нарийн замаар эргэж гудамжинд гарч ирэхэд
- Одоо яах билээ? гэж Бронсон асуув.
- Тэднийг дагая.
Дейна бага зэрэг сэргэв. Би яагаа ч үгүй байхад балмагдаж байна уу? Сейзарийг ятгавал дөнгөх бус уу?
- Сейзар та алуурчин биш болохоор нэрээ бузарлахыг хүсэхгүй байгаа...
- Эванс хадагтай, амаа хамхи.
- Сейзар миний үгийг сонс! Та энэ улсыг мэдэхгүй байна. Тэд бол алуурчид, гэмт хэрэгтэн этгээд, харин та бол шударга журмын хүн. Тэгэхлээр Хадсон ноённ урхинд битгий орооч.
- Энэ бол Хадсон ноёнд хамаагүй зүйл. Хадсон ахайтны төлөө би үүнийг хийж байгаа юм. Хадсон хадагтай миний талаар их анхаардаг юм! Хүний ачийг хариулахгүй байж болохгүй!
Ихэд гайхсан Дейнагийн нүд орой дээрээ гарч Сейзарийг ширтэв. Памела хүүхэн энэ хаалгачийг нууц амраг болгож, итгэлнйг хүлээсэн байх нь гээч! Гэтэл би түүнд итгэж... Гэнэн тэнэг хүүхэн гэж Хадсоны хэлдэг зөв байжээ. Гэлээ ч гэсэн одоо яах билээ?
- Та намайг хаана аваачих гэж байгаа юм бэ?
- Рок-Крик цэнгэлдэх хүрээлэнд.
Тэнд аваачаад цааш харуулна гэдгийг хэлэх шаардлагагүй гэж Сейзар үзсэн байжээ.
Дейнаг үнэнч хаалгачдаа даатгаж орхисны дараа Хадсон ажлын өрөөнөөс гарч зочны өрөөнд очжээ. Нэхий дээл нөмөрч бузгай том ширэн цүнх барьсан Памела тэнд хүлээж байсанд Хадсон урамшин толгой дохив. Памелад овоо зав гарсан болохоор хамаг үнэт эдлэлээ цуглуулж амжсан байлаа. Бусад бүх зүйлийг айван тайван байхдаа банкны төмөр шүүгээнд хадгалсан ажээ.
- Явцгаая. бусад хүмүүс бүгдээрээ хүлээж байгаа гэж Памела нөхөртөө хэлжээ.
Үнэхээр гаражийн хажууд зогссон микро автобус дотор Стоун, Дейли авгай нар суусан байв.
- Стоун, бид нар үндэсний нисэх буудал орно шүү дээ гэж Хадсон сануулан хэлэв.
Стоун жолооны ард сууж,
- Онгоц бэлэн байгаа. Нисэгч нь нислэгийн хуудас, Москва ортол нисэх тушаал авсан гэхэд Памела,
- Тэнгэр минь, би хүйтэнд ямар дургүй гээч. Тэр муу новшийн хүүхэн бидэнд өчнөөн гай тарьсныхаа төлөө халуун тамд шатна гэж найдаж байна хэмээн гомдоллоход Рожер,
- Кемалийг зүйл дуусгасан уу? гэж лавлав.
- Арван таван минутын дараа түймэр асна. Тэр жаалд нойрсуулах эм тарьсан. Юу ч мэдэж амжилгүй үхнэ.
Микро автобус хөдлөв. Бүх зүйл төлөвлөсөн ёсоор бүтэж байгаа тул сэтгэл зовних юм байсангүй.
Дейна минут өнгөрөх тутам цөхрөнгөө барж байлаа. Амьтан хүнгүй эл хуль цэнгэлдэх хүрээлэнд дөхөж ирэхэд бараг машин харагдахгүй байжээ.
Жаал хүү үнхэлцгээ хагартал айсан байгаа, Дейна. Тэрүүн шиг өрөвдөлтэй болсон хүүхдийг энэ насандаа хараагүй шүү. Тэр, одоо үхэх ёстой болоод байгаагаа мэдсэн, бас таны хоногийн тоо дуусаж байгааг би түүнд тайлбарлаж өгсөн.
Хоногийн тоо дуусаж байгаа. Надаас болж ямар ч гэм буруугүй хүүхэд амь насаа алдаж байгаа нь даанч харамсалтай.
Сейзар, сэнсэн жигүүр дэлгэсэн асар том шувууг үл анзааран урагш довтолгосоор байлаа.
- Жефф ээ, өнөөх чинь эргэх бололтой. Рок-Крик цэнгэлдэх хүрээлэнд очих юм шиг байна гэж Бронсон хашгиран хэлэв.
- Түүнээс битгий хараа салгаарай.
Нисдэг тэрэгний дуу арай чангаран тойрч эхлэв.
ХСША-ийн дэвсгэрт хамгаалах өнгийн будагтай жип ирж зогсоод жолооч нь машинаа унтрааж амжаагүй байхад уурандаа шатсан Бустер генерал үсрэн бууж яаран гүйсээр ажлын байрандаа ороод,
- Юу гээчийн чөтгөр авсан юм болоод байгаа юм бэ? хэмээн хашгичихад түүний бие хамгаалагчдын нэг нь,
- Би танд хэлж байсан сан, генерал аа. Таныг эзгүй байх хоорондуур Стоун ахмад ямар нэгэн аргаар манай шилдэг мэргэжилтнүүдийг тухиран хөдөлгөж Рожер Хадсонтай хуйвалдууллаа. Рожер нь, Дейна Эвансыг мөрдөн мөшгөж алах тушаалыг тэдэнд өгсөн байна. Та өөрөө хар даа гэж хэлээд компьютер асаахад, "Брайден бахер Хоф" зочид буудлын угаалгын өрөөнд орж яваа шармай нүцгэн Дейна Эванс хүүхэн дэлгэц дээр тодрон гарчээ.
Генералын нүүр чулуун сийлбэр мэт болов.
- Бурхан минь! Одоо Стоун хаана байна?
- Зугтсан. Хадсонтай хамт хилийн дээс алхахаар завдаж байгаа гэлцэж байгаа.
- Намайг Үндэсний нисэх буудалтай яриулаад орхи!
- Тэд нар цэнгэлдэх хүрээлэнд очих нь гарцаагүй боллоо! Одоо яах билээ, Жефф? Тэднүүс яваад цэнгэлдэх хүрээлэнд орчихвол бид нар модон дотор бууж чадахгүй болно гэж Бронсон хашгирсанд Жефф үл шантран,
- Машиныг зогсоох хэрэгтэй байна! Яагаад ч хамаагүй зогсоо!
Тэдний урд талд зам дээр газардуулж барах уу? хэмээв.
- Чадалгүй яахав.
- Газардаарай!
Бронсон толгой дохин онгоцны удирдлагын самбарт гар хүрэх төдийд нисдэг тэрэг доошилж эхлэв. Машины дээгүүр шүргэх шахан өнгөрч, довтолгон ирж яваа машины өмнө хориод метрийн зайд бетон хучилттай зам дээр газардлаа. Тоормос хяхтнах чимээ гарав.
- Хөдөлгүүрээ унтраа гэж Жефф хүсэв.
- Болохгүй. Тэгвэл бид нар тэр өвчтэй амьтны гарт...
- Унтраа.
Бронсон мөрөө хавчин,
- Чи юу хийж байгаагаа мэдэж байгаа биз дээ? гэв.
- Мэдэхгүй байна.
Бронсон уртаар санаа алдсан хэдий ч хөдөлгүүрээ унтраажээ. Аварга том сэнсний эргэлт саарсаар хөдөлгөөнгүй болоход Жефф цонхоор толгой цухуйлган шагайлаа.
- Таны найз чинь бидэнд балаг тарих нь дээ гэж Сейзар хэлээд зангидсан гарын хүчээр нударга буулгахад Дейнагийн нүднээс гал бадарч толгой нь гэдийн ухаан алдсан хүүхэн зөөлөн гулсан шалан дээр унав. Сейзар машинаас үсрэн бууж, нисдэг тэргийг чиглэн алхлаа.
Бронсон баахан тэвдэж,
- Өнөөх чинь ирлээ. Бурхан минь, яасан том амьтан бэ! хэмээн гөвтнөв.
Сейзар хоёр нүдээ гялалзуулан хол хол харайсаар дөхөж ирлээ.
- Жефф ээ, цаад хог чинь зэвсэгтэй байх шүү. Чи бид хоёрыг юман чинээнд бодолгүй нам буудахаа сийхгүй биз.
- Хөөе, бузар шаар аа! Чи цаад эзэдтэйгээ хамт торны цаана орно доо! гэж Жефф хашгирав.
Сейзар гүйх шахам ирж явна.
- Бүх юм дууссан! Чи одоо бууж өг!
Сейзар нисдэг тэргэнд арван таван метр ойртож ирлээ.
Арван метр ойртож ирлээ.
- Тэгж байх нь чамд таалагдана, тийм биз Сейзар?
Сейзар харвасан сум адил хурдлан таван метрт тулж ирлээ.
Жефф, "асаах" гэсэн товчлуурыг эцэст нь тултал дарахад нисдэг тэрэгний аварга том сэнс аажуухан эргэж эхэлсэн боловч Сейзар огт анзаарсан шинжгүй хорсон занасан харцаар Жеффийг ширтэн гүйсээр хаалганд тулж ирээд хэргийн учрыг ухаарсан боловч нэгэнт оройтсон байлаа. Өвөрмөц нэгэн содон чимээ гарахад Жефф хоёр нүдээ тас анив. Хоромхон зуур цус олгойдон нисдэг тэрэгний гадна дотно талыг сүршив.
Бронсон онгоцны хөдөлгүүрийг унтрааж байхдаа,
- Би бөөлжих нь хэмээн халаглав.
Жефф, хөсөр хэвтэх толгойгүй хүүрийг хальт хараад үсрэн бууж хар хурдаараа гүйсээр лимузин машин дээр очиход Дейна ухаан ороогүй байжээ.
- Дейна, хайрт минь...
Хүүхэн нүдээ нээж Жеффийг харсан болоод,
- Кемаль... хэмээн ам нээсэн болов.
Линкольны нэрэмжит бэлтгэл сургуулиас нэг бээрийн зайд байх лимузин машины дэргэд зогсож байсан Жефф учиргүй балмагдан,
- Түүнийг хараач! хэмээн хашгирчээ.
Тэнгэрт суунагласан хөх утаа ойр хавийн байшинг бүрхэж байгаа харагдав.
- Тэднүүс сургуулийг шатаах гэж байгаа юм. Кемаль тэнд бий. Түүнийг газар доорх давхарт хаясан байгаа гэж Дейна бачимдан орилов.
- Амжихыг бодно доо, хайрт минь.
Машин эрчээрээ давхисаар замын хажууд шахан зогсоход сургуулийн байшингийн цонхоор галын дөл оволзон боргилж байлаа. Аз болоход гал сөнөөгчид амжиж ирээд усаар шүршиж эхэлсэн байв. Жефф үсрэн бууж сургууль руу гүйн очиход нэг гал сөнөөгч саатуулан,
- Ийшээ орж болохгүй, эрхэм ээ гэсэнд амьсгаа нь давхацсан Жефф,
- Дотор хүн үлдсэн үү? хэмээн хашгирчээ.
- Үлдээгүй. Дөнгөж сая бид нар хаалга эвдэж ороод үзсэн.
- Газар доорх давхарт нэг хүүхэд хориотой байгаа.
Жефф, гал сөнөөгчийг түлхэн зайлуулаад хонгилд гүйн ороход харанхуй утаан дунд юу ч харагдахгүй байжээ. Кемалийг дуудах гэж оролдсон боловч хахаж цацаад болсонгүй. Хамрын алчуур гаргаж амаа дараад газар доорх давхарт ордог шатны зүг ухасхийхэд түймрийн утаа улам гашуун болж, өтгөрсөөр байжээ.
Шатны бариулаас зууран тэмтчиж будилсаар доош бууж,
- Кемаль хэмээн хашгирсан боловч хариу чимээ гарсангүй.
- Кемаль!
Ид шидийн хүч тохиох мэт хонгилын үзүүрт нэг шуудайтай юм шиг зүйл бүдэг бадаг харагджээ. Амьсгалахгүй байхыг хичээн зүтгэхэд уушги нь урагдан шатаж байх шиг санагдаж байлаа. Ингэсээр яваад хөдөлгөөнгүй хэвтэх хүүхдийн биед бүдрэн,
- Кемаль босоорой! Кемаль... хэмээн сандчиж дэмий л сэгсчиж үзвэл жаал хүү ухаангүй байжээ. Эцсийн хүчээ шавхан хүүг өргөж шатны зүг хөдлөхөд хоолой багалзуур нь хорсон, харанхуй утаанд нүд нь балартан согтуу хүн мэт гуйвж дайван зүтгэжээ.
Хүүг гадаа гаргаж ирснээс өөр юм санахгүй байв. Хүмүүсийн дуу алслан холдсоор ухаан алджээ.
- Би Үндэсний нисэх буудалтай холбоо барилаа гэж зориг муутайхан илтгэсэн дэслэгч дахин нэг тушаал авчээ.
- Утсан дээр Натан Неверог дуудуул!
Ямар хүн утасдсаныг сонсохын хамт Натан Неверо даруй утсан дээр очиж харилцуурыг автал Бустер генералын догшин дуу хадаж,
- Ричард Хадсоны онгоц нисэх буудал дээр байгаа эсэхийг одоохон хэлээд орхи гэж зандрахад Натан Неверо уужуу тайвнаар,
- Байгаа. Үнэнийг хэлэхэд яг одоо хөөрөхөөр завдаж байгаа. Нисэгч нь дөнгөж сая нисэх зөвшөөрлөө авсан хэмээжээ.
- Наад нислэгээ болиул.
- Та юу гэсэн бэ?
- Одоохон диспетчерийн албатай утсаар яриад зөвшөөрлийг хүчингүй болго.
- Гүйцэтгэе, эрхэм ээ.
Неверо тэр дор нь утасдав.
- Диспетчер үү “Тольфстрим Р3487” онгоцны нислэгийн зөвшөөрлийг одоохон хүчингүй болго.
- Тэр чинь хөөрөх зурвас дээр гарчхаад байгаа юмсан.
- Давтан хэлье. Түүний нислэгийг хүчингүй болго.
- Мэдлээ, эрхэм ээ.
Диспетчер микрофон авч,
- Диспетчерийн албанаас ярьж байна. "Гольфстрим Р 3487" танай нислэгийг хүчингүй болголоо. Буцаад байрандаа оч. Нисэхийг хориглосон. Давтан хэлье. Нисэхийг хориглосон гэв. Рожер ноёнтон нисэгчийн бүхээгт хуй салхи адил довтлон орж ирлээ.
- Ямар гээчийн чөтгөр авсан юм болоод байгаа юм бэ?
- Урьдчилан төлөвлөөгүй саад гарлаа. Биднийг буцаад байрандаа оч гэсэн тушаал ирлээ.
- Тэгэхгүй. Одоохон хөөр гэж хөндлөнгөөс Памела хэлэв.
- Хадсон хадагтай таныг гүнээ хүндэлдэг боловч нисэж чадахгүй. Миний лицензийг хурааж...
Түүнийг үгээ хэлж дуусаагүй байтал Жек Стоун ухасхийн босож Рожерийг эрээ цээргүй түлхэн зайлуулаад нисэгчийн чамархайд гар буу тулган,
- Хэнд хэлээд байна? Новш оо! Бид Москва орохоор ниснэ гэсэнд нисэгч хахаж цацан,
- Мэдлээ, эрхэм ээ гэжээ.
Нисэх зурвас дээгүүр хорин секунд хурдалсан онгоц өндөр авч эхлэхэд хэрэг эрхлэгч харуусан толгой сэгсэрч, үүлэн дунд далдран одох “Тольфстрим”-ийг хараад хоцрох доо,
- Бурхан минь, энэ хүн зориг гаргаж... гэтэл цаанаас нь генерал шавдуулж,
- Юу болж байна. Тэднийг болиулсан уу? гэв.
- Болиулж чадсангүй. Нисэгч нь тушаал зөрчөөд нисчихлээ. Одоо яагаад ч нэмэргүй. Бид одоо тэднийг хүчээр...
Энэхэн мөчид тэнгэрийн уудамд дүүлэн явсан онгоц дэлбэрчээ. Дөнгөж саяхан онгоц байсан юмны элдэв хэмхэрхий, бас бус зүйлүүд талбай даяар зад үсрэн бутарч байгааг газар дээр үлдсэн хүмүүс балмагдан харжээ. Ийм муухай муу ёрын бороо зуун жил үргэлжлэн орсон мэт санагдах ажээ.
Нисэхийн талбайн цаад талд зогсож байсан Борис Ждановын сэтгэл амарч толгой дохиж, цус урсгасан эмгэнэлт явдлын төгсгөлтийг нүдээр үзсний дараа цааш эргэн тайван явжээ.


Top
   
PostPosted: May.03.17 3:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бүлэг 26.

Дейнагийн ээж хуримын бялуунаас нэг хазаж аваад нүүрээ үрчийлгэн,
- Дэндүү нялуун амттай байна. Арай хэтрүүлжээ. Миний залуудаа хийсэн бялуу аманд ороод уусдаг байж билээ. Тийм биз дээ, охин минь? гэжээ.
Ээж нь үнэхээр муухай хоол хийдэг байсныг мартаагүй яваа Дейнагийн сэтгэлд ээжийнхээ хэлсний аясыг тааруулан тодорхойлох юм олдохгүй байсан хэдий ч энэ нь өнөөдөр чухал зүйл биш байсан болохоор,
- Үнэхээр тийм шүү, ээж минь хэмээн инээмсэглэжээ.
Хуримын ёслолын ажиллагааг хотын захиргааны Сист-Холл хэмээх байшинд нэгэн шүүгч удирдан явуулжээ. Ээж нь охинтойгоо утсаар ярихдаа,
- Охин минь, би тэр аймшигтай амьтантай гэрлэж зүрхлээгүй шүү. Түүний талаар Кемаль та хоёрын хэлдэг зөв байсан юм билээ. Тэгээд би Лас-Вегаст эргэж ирсэн гэж үнэнээ хэлсний дараа ээжийгээ хуримд урьсан юмсанж.
- Яасан бэ, ээж?
- Тэр чинь эхнэртэй юм билээ. Гэвч эхнэр нь түүнийг тэвчиж чадахаа больсон хүн гэнэ лээ.
- Би харамсаж байна.
- Ингээд би бас л ганц бие хүн боллоо.
Ээж нь юу хэлэх гээд байгаагийн цаад утгыг Дейна зөвөөр ойлгож, нүүрээ үрчийлгэж үзсэн боловч хуримд урихаас өөр аргагүй болсон ажээ. Ээж нь ирээд Кемальтай яриа дэлгэхээр барахгүй хүүгийн нэрийг тогтоосон байхыг үзээд Дейнагийн инээд хүрчээ. Би таныг эмээ болгож дөнгөнө дөө, харж л байгаарай!
Дейнагийн сэтгэл цаг ямагт дэврэн хөөрч, ямар их аз жаргалд умбаж байгааг бүрэн дүүрэн ухаарч чадахгүй байлаа! Жеффийн эхнэр байна гэдэг бол... цаглашгүй их ид шид билээ! Байж болом- гүй, сэтгэлд үл багтах аз жаргал мөн! Гэлээ ч гэсэн бас цаана нь юм бий!
Жефф, Кемаль хоёрын амийг аварсан гал сөнөөгчид их утаа залгисан учир "яаралтай тусламж" дуудсан. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн бие илаарьшиж байх хооронд тэр эмнэлгийн асрагч хүүхэн Кемальд тохиолдсон адал явдлуудын тухай сурвалжлагчид ярьсан байжээ. Үүнээс хойш удаагүй байтал Кемалийн паянг зурагтай нь хамт сонинд тавьжээ. Тэнцвэргүй тулааныг гэтлэн давж гарсан серб удмын зоригт хүүгийн тухай зурагтын мэдээгээр ярьдаг боллоо. Тэр бүү хэл Кемалийн тухай ном хэвлэгдэж, олон ангит кино хийх тухай ярьдаг болсон. Намайг гол дүрд тоглуулбал тийм кино хийхийг зөвшөөрнө гэж Кемаль зүтгээд байгаа. Сургууль дээрээ жинхэнэ баатар эр болон тодорчээ.
Төдий л удаагүй байтал жаал хүүг албан ёсоор үрчилж авах ёслол болоход ангийн сурагчдын хагас нь оролцож, чангаар алга ташин баярлаж байлаа.
- Одоо би таны жинхэнэ хүү болсон юм уу? хэмээн Кемаль шалгаахад Жефф, Дейна хоёр,
- Тэгэлгүй яахав. Одоо бид нар нэг гэр бүл болох нь энэ гэж баттай хариулж байлаа.
- Гоё байна аа!
Рики Андервуд үүнийг дуулаад атаархаж үхнэ дээ!
Сүүлийн нэг сарын дотор болж өнгөрсөн хар дарсан зүүд мэт үйл явдлууд аажим аажмаар мартагдан, үеэ өнгөрөөжээ. Энэ гурван хүн эвсэг сайхан аж төрж, тэдний гэр нь инээд баяслаар бялхсан, халуун дулаан аз жаргалын орон болжээ. Нэг насанд тохиож болох адал явдлуудыг ардаа орхисон болохоор одоо ингээд хязгаарлах нь зөв гэж Дейна бат итгэж байлаа.
Дейна нэг өглөө,
- Би дөрвөн хүн аж төрөн суухаар тансаг сайхан, том байр оллоо. Надад баяр хүргэж болно шүү хэмээсэнд Жефф түүний хэлснийг залруулах санаатай,
- Чи гурван хүн аж төрөх байрны тухай ярьсан байлгүй гэхэд,
Дейна найрсагаар зөрж,
- Тийм бишээ. Тухайлбал дөрвөн хүний тухай хэлсэн шүү гэсэнд Жефф дэмий алмайран түүний өөдөөс ширтэхэд Кемаль хүү зэмлэсэн янзтай,
- Та яачхаад байгаа юм бэ! Үнэхээр ойлгохгүй байгаа юм уу?
Дейна хүүхэд төрүүлэхгүй юу. Хүү гараасай. Тэгвэл ядаж бөмбөг тоглоход сайхан байх сан! гэжээ.
Өөр сайхан сонин содон зүйлүүд зөндөө байжээ. "Ул мөр, баримт сэлт" цувралын "Рожер Хадсон. Алуурчдын хуйвалдаан" гэсэн учиртайхан нэрийн дор явуулсан эхний нэвтрүүлэг үзэгчид, шүүмжлэгчдийн дотор асар их амжилт олж, рейтинг нь тэнгэрт хаджээ. Бейкер, Кромвелл хоёр тэнгэрийн умдаг атгасан мэт баярлан дэвэрсэн байна.
- Чи шагналынхаа "Эмми"-д тавиур бэлдэж байгаарай гэж Эллиот Дейнад зөвлөжээ.
Тэнүүн жаргалд умбасан тэр цагт Рейчел Стивенс хүүхэн нас барсан нэг гунигт явдал болжээ. Хорт хавдрын аймшигт савар улам чангаран атгасаар хөөрхий бүсгүйн амийг авчээ. Алдартай топ модель өөд болсон тухай мэдээ дорхноо түгэн тарсан учир Дейна, Жефф хоёр энэ тухай мэдэж байсан хэдий ч оройн нэвтрүүлгийн цагаар эдгээр аймшигт мөрүүд зурагтын дэлгэцнээ гарч ирэхэд Дейна давчдан,
- Би үүнийг уншиж чадахгүй гэж Мелтонд шивнэн хэлэхэд цаадах нь бүх учрыг ойлгож, уул мэдээг өөрөө уншжээ.
Амар тайван нойрсогтун...
Бас нэгэн орой болжээ. Нэвтрүүлэг хөтлөгчийн ширээний ард Дейна, Ричард хоёр байраа эзэлжээ.
- ...Арван зургаан настай биеэ үнэлэгч хүүхнийг алсан ба бусад арван таван бүсгүйн үхэлд сэжиглэгдэж байгаа Вашингтон муж улсын Спокан хотын нэгэн хуягийн эсрэг эрүү үүсгэжээ... Ган хайлуулах аварга том үйлдвэрийн үе залгамжилсан эзэн далан нас- тай Малколм Бомонтын цогцсыг Сицили нутагт байдаг эдлэн газрынх нь байшингийн усан сангаас олжээ. Бомонт нь хорин таван настай эхнэрийнхээ хамт тэнд бал сараа өнгөрүүлэхээр очсон байжээ. Шинээр ханилсан хосыг Бомонт ахайтны ах нар дагалдан очсон байжээ. Одоо Марвин Грир цаг уурын тухай мэдээлнэ.
Дейна оройн мэдээний дараа Мэттийн өрөөнд очжээ.
- Мэтт, надад нэг юм төдий л таалагдсангүй. Нэг л биш оргиод байна.
- Юуны тухай яриад байна? Юунд сэтгэл зовнисон тухайгаа надад хэлээд өг, юу ч байсан хамаагүй би зохицуулъя. Чиний төлөө ямар ч лууг цааш харуулахад бэлэн шүү! гэхэд нь Мэтт,
- Бал сараа өнгөрүүлж яваад усан санд живж үхсэн далан настай саятны тухай л байхгүй юу. Эхнэр нь дэндүү залуу юм. Тэр хөөрхийлөлтэй өвгөн хорвоогоос халих цагаа хачин тааруулж сонгосон шиг санагдахгүй байна уу? гэжээ.

төгсөв.

ЗОХИОГЧООС
Энэ ном бол сэтгэлээс ургуулан зохиосон уран зохиолын бүтээл болно. Харин газар дор байдаг Красноярск-26 гэдэг нууц, хот үнэхээр байдаг юм. Энэ бол цөмийн зэвсэг үйлдвэрлэн гаргадаг арван гурван хотын нэг болой. Москвагаас хоёр мянган бээрийн зайтай газар төв Сибирийн нутагт орших Красноярск-26 хот 1958 онд байгуулагдсан цагаас эдүгээ хүртэл цөмийн зэвсгийн дөчин таван тонн гаруй плютоний үйлдвэрлэжээ. Плютоний үйлдвэрлэн гаргадаг хоёр рөакторыг 1992 онд зогсоосон хэдий ч үлдсэн нэг реактор нь жил тутам олон атомын бөмбөг хийхэд хэрэглэж болох хагас тонн плютоний гаргасаар байгаа юм.
Харамсалтай нь сүүлийн үед хэдэн удаа гарсан хулгайн хэрэг бүртгэгдсэн учир энэхүү радио идэвхт бодисыг аюулгүй байдалд байлгах, хадгалж хамгаалах арга хэмжээг хүчтэй болгох талаар Америкийн Нэгдсэн улсын эрчим хүчний яам Оросын засгийн газартай хамтран ажиллаж байгаа билээ.

Орчуулсан Сономын Дашдондов


Top
   
PostPosted: May.03.17 3:36 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Заа номоо дуусгалаа :cheerleader: :cheerleader: :cheerleader: , удаасанд уучлаарай :brows: :brows: :brows:


Top
   
PostPosted: May.03.17 5:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6217
Location: Энд
Сонирхолтой зохиол оруулж өгсөнд баярлалаа :wd: :wd: :cheerleader: :cheerleader:

Яг л ингээд бдийм даа ккк эцсийн мөчид ашгүй бүх юм бүтэх юм. Хөөрхий Кемаль Дэйли авхайг овоо юм бх гсн чинь овоолсон баас бжээ муу хог чинь.

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.04.17 4:34 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Mar.17.16 5:46 pm
Posts: 63
Сиднигийн зохиолууд дуусах дөхөж байна шүү. Одоо ганц 2-хон л ном үлдсэн байх. Дэлхийг донсолгосон шүүх хурлыг бүрэн болгочихвол


Top
   
PostPosted: May.05.17 5:38 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 683
ганц минутын дотор ямар ч олон адал явдал болчихов доо, аз жаргалтай төгсгөдөг зохиолчийн сайхан сэтгэлд найдаагүй бол ч уншиж дуусахаас халширмаар боллоо шүү, Цолмондоо маш их баярлалаа


Top
   
PostPosted: May.06.17 6:15 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.19.17 6:19 pm
Posts: 2
Их баярлалаа, Дуусгаж оруулсанд,,,,, за бушуухан ном болгоод авья,


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 75 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited