#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.26.17 9:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 60 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.19.17 3:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6067
Location: Энд
Энэ Оросын тухай уншсан чинь нэг л монголын тухай юм шиг эвгүй санагдаад явчихлаа.

Баярлалаа Цолмон :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.19.17 6:21 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.19.17 6:19 pm
Posts: 1
Энэ дууссан юм болов уу.....


Top
   
PostPosted: Apr.24.17 12:06 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 199
Бүлэг 20.

Дейна дөнгөж сэрээд Томтой утсаар ярив.
- Та элчин сайд Хардитай дахин уулзаж ярилцаагүй юу? гэж Том асуужээ.
- Уулзаагүй. Мань хүн надад гомдсон шиг байна билээ. Том, би тантай уулзах хэрэгтэй боллоо.
- Ярьж тохирлоо. Хөлсний тэрэг бариад Уран сайхны театрын тэнд байдаг Боярын клубт хүрээд ир.
- Тэр чинь хаана байдаг юм бэ? Би очиж үзээгүй...
- Жолооч мэдэж байгаа. Шинэ машинд битгий суугаарай.
- Энэ тухай надаа хэлж байсан.
Дейна баахан халшран гадаа гарч ирэхэд хүйтэн салхи улин исгэрч байлаа. Шинэ дулаан пальто өмссөн нь яамай! Нөгөө талын байшин дээр Цельсийн хорин есөн градусыг заасан бичиг харагдана. Бурхан минь, эндхийн хүмүүс яаж амьдардаг болж байна?
Зочид буудлын үүдэнд шинэвтэрхэн машин зогсож байв. Дейна гэдрэг ухарч, тэр машинд зорчигчид суухыг хүлээв. Харин бузгай хуучирч муудсан дараачийн машины дэргэд хүрч очиход жолооч нь нэгийг асуух байдлаар харжээ.
- Би...урьен...
Хэд дахин оролдсоны эцэст
- Урьен.. .тиетер.. .гэх аялахад жолооч
- Боярын клуб үү? хэмээн асуужээ.
- Тийм, тийм.
Машин хөдөлж гудамж дүүрэн олон машин дундуур сүлжилдэн давхиж, даарч бээрсэн ганц-хоёр явган хүмүүсийг ардаа орхин хурдалж явахад хот тэр чигээрээ бүдэг саарал өнгөтэй аалзны торонд торлогдон хучигдсан мэт санагдаж байв. Дейна яагаад ч юм, энэ нь гагцхүү цаг агаарын байдлаас болоогүй болов уу хэмээн боджээ.
Боярын клуб түүнд орчин цагийн тохилог сайхан газар шиг санагджээ. Үүдний танхимд савхин бүрээстэй буйдан, буйдан сандлуудыг эвтэйхэн байрлуулжээ. Цонхны хажууд Дейнаг хүлээж суусан Том Дру,
- Олохгүй гэж айгаад байсан хүн чинь олоод ирлээ шүү дээ гэхэд Дейна түүний өөдөөс харан сууж,
- Англиар ярьдаг жолооч таарлаа гэжээ.
- Нээрэн тийм үү? Та их азтай хүн юм. Ганц ч гэсэн нааштай юм байгаа нь хачирхалтай. Энэ хөөрхий болсон улс орныг харахад үхэж байгаа динозавр санаанд ордог юм. Орос орон агуу том улс гэдгийг та мэдэх үү? Америкийн Нэгдсэн улсаас бараг хоёр дахин их нутаг дэвсгэртэй, цагийн арван гурван бүсэд хуваагддаг, арван дөрвөн улстай хил залгадаг. Арван дөрвөн улс шүү! Бодоход аймаар шүү.
- Гайхалтай юм байна. Уинтроптой хамтран ажиллаж байсан орос хүмүүстэй уулзаж болох уу?
- Тийм хүн... маш олон бий. Оросын засгийн газрын гишүүд бараг бүгдээрээ байгаа.
- Үүнийг би ойлгож байна. Бусдаас илүү ойр дотно байсан хүмүүс байгаадаа. Ерөнхийлөгч...
- Арай доогуур зиндааны нэг хүнтэй уулзаж болох юм. Уинтроп гуай Александр Ждановтай тун ойр дотно байсан.
- Жданов гэж ямар хүн бэ?
- Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны захирлаар ажилладаг юм. Уинтроп тэр хоёр зөвхөн албан ёсны хүлээн авалт дээр төдийгүй хувийн журмаар уулздаг байсныг би лавтай мэднэ гээд Дейнагийн өөдөөс харж байснаа,
- Дейна, та юунд хүрэх гэж зүтгээд байгаа хүн бэ? гэхэд бүсгүй,
- Би өөрөө ч мэдэхгүй байна гэж үнэнээ хэлжээ.
Эдийн засгийн хөгжлийн товчоо нь Озерная хэмээх гудамжинд бүхэл бүтэн хорооллыг эзэлсэн аварга том улаан тоосгон байшинд байх ажээ. Үүдний танхимыг хамгаалсан хоёр цагдаа байхаас гадна ширээний ард бас нэг цагдаа суужээ.
Дейна тэр цагдаа руу очоод эвлүүлж ядан,
- Өдрийн мэнд хэмээн мэндэлсэн болов.
- Сайн байна уу...
- Уучлаарай, би Жданов захиралтай уулзах хэрэгтэй юмсан. Би "Вашингтон трибьюн" гэдэг телевизийн сувгийн сурвалжлагч Дейна Эванс гэдэг хүн байна.
Нөгөө цагдаа ширээн дээр байсан нэрсийн жагсаалтыг гүйлгэн уншаад толгой сэгсэрч,
- Та уулзахаар болзсон юм уу? гэв.
- Болзоогүй, гэвч...
- Та уулзах хүмүүсийн жагсаалтад бичүүлэх учиртай шүү. Та америк хүн үү?
- Тийм.
Багцалсан маягтаас нэгийг авч Дейнад өгөөд,
- Үүнийг бөглөж бичнэ үү гэхэд Дейна толгой дохиж,
- Одоохон бичээд өгье. Би өнөөдөртөө багтаад Ждановтай уулзаж болох уу? гэв.
Өнөөх цагдаа хий үзэгдэл харсан юм шиг хоёр нүд нь орой дээрээ гарч,
- Би ерөөс ойлгодоггүй юм. Танай америк хүмүүс түймэр унтраах гэж байгаа юм шиг дандаан яарч явах юм. Та аль буудалд буусан бэ? гэлээ.
- "Севастополь" буудалд буусан. Би ердөө л хэдхэн минут...
Цагдаа хяналтын дэвтэрт нэг юм тэмдэглэв.
- Танд дуулгах болно. Баяртай.
Дейна нэг юм хэлж гуйх гэсэн боловч цагдаагийн царайг хараад шантарчээ.
- Баяртай.
Дейна тэр өдөртөө утасны хонх дуугарахыг чагнан өрөөнөөс гарсангүй өнжив.
Арай гэж өглөө болгоод Олон улсын эдийн засгийн хөгжлийн товчоо орохоор гарчээ.
Ширээний ард сууж байсан танил цагдаатай,
- Өдрийн мэнд хэмээн мэндэлсэн боловч сайх цагдаа чулуун сийлбэр мэт гөлийж өөдөөс нь харан,
- Би таныг сонсож байна гэжээ.
- Жданов захирал миний хүсэлтийн тухай дуулсан уу?
- Таны нэр хэн билээ?
- Дейна Эванс.
- Уулзах хүсэлтээ хэзээ гаргасан бэ?
- Өчигдөр.
- Ямар хүнд бичүүлсэн бэ?
Дейна уураа барьж ядан,
- Танд гэв.
- Тэгвэл дуулсан байх учиртай. Бүх мэдээллийг тэр дор нь уламжилдаг юм.
- Би Ждановын нарийн бичгийн даргатай уулзаж болох уу?
- Уулзахаар товлосон юм уу?
- Товлоогүй.
- Тэгвэл уучлаарай.
- Тэгээд хэзээ...
- Танд утсаар дуулгана.
Буцах замдаа “Хүүхдийн ертөнц” хэмээн нэрлэгдэх хүүхдийн барааны их дэлгүүрийг хараад Кемалийн тухай санажээ. Дотор нь орж очоод олон хүний шуугианд бага зэрэг дөжирч, ямар нэгэн аятайхан юм олохыг зорин эгнээнүүдийн хоорондуур явж байгаад компьютер тоглоомын тасаг дээр очжээ. Ийм бэлэг Кемальд гарцаагүй таалагдана гэж бодоод дэндүү их үнэтэй ч гэсэн нэг диск худалдаж аваад, товчооноос утасдаж магадгүй хэмээн яарч буудалдаа очихоор гарав.
Буудалд ирээд хий дэмий хүлээж цагийг өнгөрөөжээ. Оройн зургаан цагт зоогийн газарт орохоор гарах гэж байтал удтал хүлээсэн утасны хонх дуугарахад яаран авбал Том Дру байсан юмсанж. Тэрээр,
- Сэтгэлээ зовоогоод яахав, болох л байлгүй. Харин та Москвад байгаа завшааныг ашиглаж эндхийн гайхамшигтай зүйлүүдийг үзэж харах боломжийг битгий алдаарай. Өнөөдөр Кремлийн их хурлын Ордонд "Жизель" дуурь тоглоно. Та үзмээр байна уу?
- Хэлээд яахав! Та намайг урьж байгаа юм уу?
- Цагийн дараа дайраад очъё.
Том хэлсэн амандаа хүрч яг товлосон цагтаа иржээ. Хөлсний тэргэнд сууж хэдхэн минут яваад Кутафийн цамхгийн дэргэд очиж зогслоо.
Дейна тэр ид шидийн сайхан үдшийг мөддөө мартахгүй биз ээ. Сайхан найрал хөгжим хосгүй чадварлаг тоглож, бүжигчид нь гарамгай тоглолтын их ид шидийг гайхалтай сайхан харуулжээ. Тэдний тоглосон олныг хамарсан бүжиг л гэхэд дэлхийн ямар ч театрын нэрийг мандуулж чадахаар гарамгай сайхан болж байлаа.
Цаг хугацаа дорхноо өнгөрч тоглолтын нэгдүгээр хэсэг дуусаж, гэрэл аслаа.
Тоглолтын хоёрдугаар хэсэг эхэллээ.
Хоёрдугаар хэсэг нь нэгдүгээр хэсгээсээ дутахгүй гаргуун сайхан байсан боловч Дейнагийн санаа сэтгэл сарниж, хүмүүстэй ярьж байсан зарим зүйл санаанд нь оржээ.
- Тейлор Уинтроп бол үл бүтэх этгээд, ховор тохиолдох өөдгүй новш байсан юм. Их ухаантай тэр хог ховорхон тохиох зальхай аргаар намайг мэхэлсэн болохоор...
- Золгүй явдал болсон юм. Габриель минь сайн хүү байсан юмсан...
- Уинтроп бол Манчиногийн гэр бүлийн ирээдүйг балласан хүн...
Тэр хоёр Кремлээс гарч машинд суусны дараа Том баахан шан тарсан янзтай, -Манайд очиж ган ганц хундага юм балгавал яасан
юм бэ? гэлээ.
Дейна анх удаа тэр хүнийг анхааралтай харвал, ухаалаг, бусдыг өөртөө татах ялдам сайхан зантай, өө хэлэх юмгүй эр байв. Жефф биш байсан нь л түүний ганц дутагдал гэлтэй.
- Ямар шалтаг зааж татгалзах талаар бодож амжаагүй байтал өөрийн эрхгүй,
- Баярлалаа, Том. Би чадахгүй гэсэнд Томын урам хугарч,
- Харамсалтай байна. Маргааш болох уу? гэжээ.
- Би дуртай очих сон, гэвч маргааш даанч их ажилтай болоод байна.
Бас тэгээд өөр нэг хүнд ухаангүй дурлачихсан юм.
Дейна шантрахгүй зүтгэхээр шийдэж маргааш өглөө нь нөгөө товчоон дээр очихоор гарчээ. Гэтэл өнөөх улиг болсон цагдаа жижүүртэй байсан учир бас л бүтэлгүй өнгөрчээ.
- Өглөөний мэнд.
- Өглөөний мэнд.
- Намайг Дейна Эванс гэдэг. Би танай захиралтай уулзах гэсэн юмсан. Нарийн бичгийн даргатай нь яриад өгнө үү?
- Нэрээ бичүүлсэн үү?
- Бичүүлээгүй. Би...
Танил болсон зан үйл давтагджээ. Сайх цагдаа баахан маягтыг эргүүлж үзэв.
- Үүнийг бөглөж бичээрэй.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:07 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 199
Урам нь хугарсан Дейна гудамжаар гэлдэрч явахдаа, би юу хайгаад байгаа билээ? Ноднин жил орсон цас хайгаад байна уу? Гэртээ эргэж хариад энэ бүхнийг мартвал хялбар бус уу? гэхчлэн боджээ.
Гэтэл түүнийг ямар нэгэн гөжүүн хүч түлхээд болохгүй байжээ. Тэгээд үл шантран зүтгэхээр шийджээ. Бас тэгээд зогсохгүй. Тейлор Уинтропын тухай олж мэдсэн зүйл нь, цагдаагийн газраас түүний эсрэг хүн амины хэргээр эрүү үүсгэхэд хангалттай болоод байлаа!
Өрөөндөө орох гэж явтал утас хангинах чимээ гарахад гар нь салгалан үүд онгойлгож ширээний тэнд яаран очжээ. Гэтэл Жефф утасдсан юмсанж.
Тэдэнд нэг нэгэндээ хэлж ярих зүйл маш их байсан билээ. Даанч олон юм хэрэгтэй байлаа... Гэтэл Рейчел хүүхэн тэр хоёрын хооронд ихийг шаардсан хий үзэгдэл, эргэж буцашгүй сүүдэр болон тээглэж байсан учир Жефф хэдийд гэртээ эргэж ирэх, өвчтөний биеийн байдал ямар байгаа гэх мэт хэн хэнийх нь сэтгэлийг зовоож байсан зүйлээ ярьж чадсангүй. Эв дүй муутайхан яриа болоод өнгөрчээ.
Дейна нэгэнт горьдлого тасраад байсан болохоор, эдийн засгийн хөгжлийн товчооноос утасдсан нь санаанд оромгүй зүйл болжээ. Сүрхий аялгатай ярьдаг эрэгтэй хүний дуу гарч,
- Дейна Эванс мөн үү? хэмээн асуув.
- Мөн байна.
- Би Жданов захирлын референт Эрик Карбава байна. Та захиралтай уулзах гэсэн үү?
- Тэгсэн.
Одоо нэрээ бичүүлсэн үү гэж асууна даа гэж Дейна бодсон боловч Карбава
- Яг нэг цагийн дараа ирээрэй гэж товчхон хэлжээ.
- Заавал очно. Их...
Утасны харилцуурт тасалдсан дохио дуугарав.
Дейна яарч сандран шүршүүрт ороод, үс гэзгээ янзалсны дараа гадуур цамцаа өмсөх зуур, хөлсний тэргээр явъя хэмээн бодов. Хожимдож очвол өнгөрөх нь тэр!
Дейна яг нэг цагийн дараа эрэмдэг зэрэмдэг дүртэй харагдах нөгөө байшинд бас л дахин очжээ.
Унтууцаж сүржин дүр үзүүлэн ширээний ард суух цагдаа Дейнаг аль хэзээний таньдаг болсон баймаар даа.
- Сайн байна уу. Та хэнтэй уулзах гэж явна?
Дейна албын хүчээр инээмсэглэх аядаж,
- Өдрийн мэнд. Би ноён Ждановтай уулзахаар ирлээ. Намайг Дейна Эванс гэдэг гэв.
Өнөөх цагдаа мөрөө хавчиж,
- Харамсалтай байна, гэвч та бичүүлээгүй бол... гэхэд нь Дейна тэр цагдаагийн тухай, ерөөс оросын хүнд суртлын тухай бодсон санаснаа шууд хэлэхээс эмээн хоёр гараа зангидаж,
- Уулзахаар товлосон юм гэвэл сайх цагдаа эргэлзсэн бололтой инээвхийлж,
- Нээрэн үү? гэснээ утасны харилцуур авч нэг юм асуусны дараа,
- Гуравдугаар давхар. Тэнд таныг тосож авна гэж дуртай дургүй өгүүлжээ. Дейна яаран цахилгаан шатанд оров.
Захирал нь хуучирч больсон том өрөөнд суудаг юм байна. Доторх тавилгыг хориод оноос хойш солиогүй болов уу гэлтэй. Тэр өрөөнд байсан хоёр эр Дейнаг орж очиход найр тавин босож арай ахимагдуу эр
- Александр Жданов хэмээн өрийгөө танилцуулав.
Дейна гайхсан сэтгэлээ сэм дараад өнгөрөв. Тейлор Уинтропын найз нь ийм хүн байна гэж даанч төсөөлөөгүй байжээ! Харин энэ... буурал орж яваа шингэн халимагтай, шаналангуй маягийн дугуй цагаан царайтай, ямар нэгэн юм хайх мэт тогтож ядсан хонин бор нүдтэй халхгар хүрэн костюмтай, элэгдсэн хар шаахай өмссөн тавь эргэм насны намхан нуруутай чийрэг эрийг харахад сонин байжээ.
Мань хүн хэдэн англи үгийг эвлүүлж ядан,
- Энэ бол миний дүү Борис гэж танилцуулахад дүүмэд эр,
- Эванс хадагтай тантай танилцахад таатай байна гэв.
Тэр хоёр хоорондоо даанч төсгүй юм! Ах дүү хоёр тэнгэр газар шиг ялгаатай ажээ. Ахаасаа арваад насаар дүү, хурц шонхор хамар, дөрвөлжин эрүүтэй, итгэл төгс харцтай энэ эр Армани дэлгүүрт байдаг тод цэнхэр өнгийн костюм өмсөж, саарал өнгийн үнэтэй зангиа зүүжээ. Ах Александрыгаа бодвол англиар бараг аялгагүй ярьдаг ажээ.
- Вашингтонд суугаа Оросын элчин сайдын яаманд томилолтоор ажилладаг дүү маань зочлохоор Америкаас ирээд байгаа юм.
- Би таныг болон таны бэлдсэн сурвалжилгуудыг бахархаж явдгаа хэлмээр байна гэж Борис үг хавчуулав.
- Жданов гуай та надад урам хайрлалаа.
Александр Жданов,
- За Эванс хадагтай та ямар хэргээр надтай уулзах болов? Олон улсын эдийн засагт холбогдолтой асуудал гарсан юм уу? хэмээн асуусанд Дейна тоглоом шоглоом болгон гараа дохиж,
- Та юу ярина вэ. Тейлор Уинтропын талаар л асуух гэсэн юм гэвэл Александр учрыг ойлгож ядан мөрөө хавчиж,
- Гэтэл би танд юугаар тусалж чадах билээ? гэв.
- Ийм юм л даа. Таныг Уинтроптай хамтран ажиллаж заримдаа явцуу хүрээнд уулздаг байсан гэж надаа хэлсэн юм.
Александр сэргэмжилсэн байдлаар толгой дохив.
- Тэр хүний тухай таны саналыг сонсох гэсэн юм.
- Би юу хэлэх билээ. Ажилдаа яг таарсан хүн гэж хүмүүс ярьдаг даа. Уинтроп чухам тийм хүн байсан гэдгээс өөр хэлэх юм алга.
- Уинтроп гуай орос хүмүүсийн дунд их нэр хүндтэй байсан болохоор...
- Тэр үнэн шүү. Москвад суугаа элчин сайдын яамд дээр хүлээн авалт их хийдэг, Тейлор Уинтроп хэзээ ч гэсэн... хэмээн Борис ташуур өгтөл Александр нь исгэрэх мэт авиагаар түүний амыг хааж,
- Одоо боллоо. Эванс хадагтай, элчин сайдын яамдын хүлээн авалтад элчин сайд Уинтроп заримдаа ирдэг байсныг Борис хэлэх гээд байгаа юм. Тэр чинь найрсаг сайхан хүн байсан болохоор манай орос хүмүүс түүнд талтай байдаг байсан гэхэд Борис дахин ам нээж,
- Үнэнийг хэлэхэд, Уинтроп дандаан хэлдэг байсан зүйл гэвэл... гэтэл Александр оросоор,
- Амаа тат! гэж зандраад Дейнад хандаж,
- Миний хэлсэнчлэн, үүрэгт ажлаа гойд сайн гүйцэтгэдэг хүн байсан юм гэлээ.
Дейна Борисыг сэм харвал, нэг юм хэлэхийг хичээх боловч ах нь дуугаргахгүй байжээ. Бас нэг оролдоод үзэхээс өөр яах вэ.
- Жданов гуай, Тейлорыг Москвад ажиллаж байхад ямар нэгэн таагүй явдал гарч байсан эсэхийг санах юм байна уу?
- Таагүй явдал уу? Огт мэдэхгүй юм байна гээд Александр харц буруулав.
Энэ хүн худлаа хэлээд байна. Яагаад ингэдэг байна? Яавал үнэнийг хэлүүлэх вэ? Дейна цөхрөнгөө барсангүй.
- Жданов гуай, Хэн нэгэн этгээд Уинтроп, тэдний гэр бүлийг хүйс тэмтрэх болсон шалтгааныг нэрлэж болох уу? Таны санаанд юм орохгүй байна уу?
Ждановын хоёр нүд золтой л бөлт үсэрсэнгүй.
- Уинтроп удмынхныг алах гэж үү? Үгүй дээ үгүй, хаанаас даа!
- Тэгвэл тийм шалтаг огт байхгүй юм шив дээ?
- Үнэнийг хэлэхэд... хэмээн Борис эхэлсэн боловч Александр түүний яриаг тасалж,
- Тиймэрхүү юм огт сонсоогүй юм байна. Уинтроп их сайн хүн байсан юм шүү гээд мөнгөн хайрцаг дотроос янжуур гаргаж ирэхэд Борис асаагуур асаан барив.
- Та өөр юу мэдмээр байна?
Дейна хариу дуугарсангүй, ах дүү хоёрыг ширтжээ.
Эд нар нэг юм нуугаад байна. Чухам юу нуугаад байна? Гарах хаалга нь олддоггүй төөрдөг байшин дотор орсон шиг юм болоод байна. Эндээс ямар ч ашиг олохгүй бололтой...
Дейна Борисын өөдөөс учиртайхан харсны дараа үг нэг бүрийг цэгнэн,
- Баярлалаа. Өөр юмгүй. Тэгж байтал таны санаанд юм орж юун магад, тэгвэл би маргааш өглөө болтол "Севастополь" буудалд байх болно гэтэл Борис сэргэж,
- Нутаг буцлаа юу? гэлээ.
- Тийм. Миний онгоц маргааш ниснэ.
- Би... хэмээн Борис яриа эхлэх гэсэн боловч ахыгаа хараад чимээгүй болов.
Дейна толгой дохин,
- Баяртай гэхэд ах, дүү хоёр нэгэн зэрэг
- Баяртай гэцгээжээ.
Дейна шууд явж буудалдаа ирээд Мэтт Бейкертэй утсаар ярьжээ.
- Энд учир нь олдохгүй нэг юм болоод байна. Гэвч би тэднийг илчилж чадсангүй. Энэ бүхнийг чөтгөр аваасай билээ. Энд хэдэн жил суулаа ч гэсэн юу ч бүтээж болохгүй юм шиг байна. Маргааш нутаг буцлаа.
Энд учир нь олдохгүй нэг юм болоод байна. Гэвч би тэднийг илчилж чадсангүй. Энэ бүхнийг чөтгөр аваасай билээ. Энд хэдэн жил суулаа ч гэсэн юу ч бүтээж болохгүй юм шиг байна. Маргааш нутаг буцлаа.
Бичлэг төгсөв.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:08 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 199
Бүлэг 21.

Далласын нэрэмжит нисэх онгоцны буудалд буухад Дейли хадагтай, Кемаль хоёр угтсанд Дейна гайхжээ. Өргөмөл хүүгээ хэчнээн их санасныг одоо болтол ухаарахгүй явсан Дейна жаал хүүг өөртөө наалдуулан удтал тэврэхэд Кемаль ичингүйрсэн янзтай,
- Сайн уу, Дейна. Хүрээд ирсэн чинь сайхан байна. Надаа оросын баавгай авчирсан уу? гэжээ.
- Авчрах гэж явсан чинь замаасаа зугтаад алга болчихлоо, муу золиг чинь.
- Сэтгэлд бууж байна. Одоо ийш тийшээ явахгүй биз дээ?
- Яагаад ч явахгүй хэмээн Дейна андгайлахад Дейли хадагтай дуу алдан,
- Ёстой гоё мэдээ байна! Эванс хадагтай таныг бүрмөсөн ирсэнд бид хоёр байрлаж байна гэсэнд Дейна инээд алдан,
- Би хэчнээн их баярлаж байна гээч! гэв.
Аз жаргалаар бялхсан өрх гэрийнхэн машинд суугаад явж байхад Дейна,
- За шинэ гар чинь яаж байна, Кемаль? Дасаж байна уу? гэж асуув.
- Дасахаар барах уу!
- Сайн байна, хүү минь. Сургууль дээр яаж байна? Бүх юм зүгээр үү?
- Хэвийн байгаа.
- Зодоон цохио хийгээгүй юу?
- Огт зодолдоогүй.
- Дотор онгойх шиг боллоо! Шинэ сургуульд ороод сайхан байгаад чинь би хачин их баярлаж байна, хүү минь! гээд Дейна амьсгаа авч, хайрын харцаар хүүгээ ширтжээ. Кемаль шал өөр болсон шиг санагджээ. Их тайван, үг дуу цөөнтэй, жаахан ядарсан мэт харагдах ажээ. Түүнийг юу ингэж өөр болгосон нь үл ойлгогдох боловч хүүд дордсон юм байсангүй. Жирийн хүүхэд шиг хүүхэд байлаа.
Дейна үүдний өрөөнд чемоданаа тавиад,
- Би ажилдаа очихоор явлаа. Харин хэдүүлээ оройн хоол хамтдаа иднэ. "Макдоналдс"-т очиж наргицгаая гэжээ.
Жеффтэй хамтдаа очдог байсан газартаа очно.
Ингээд ажил дээрээ эргэн ирдэг байжээ. Бурхан минь, Дейна энд ирээгүй их уджээ. Бүхэл бүтэн зуун жил өнгөрч, бүх юм бага зэрэг танил биш болсон байв. Дейна бүр алмайрч орхив. Би яагаад байгаа юм бэ? Орчны ажил хэрэгч байдалд олигтой жигдрэн орж чадахгүй байлаа. Эцэс төгсгөлгүй ийш тийшээ тэнээд байсан нь ингэж нөлөөлдөг байна уу?
Бейкерийн өрөөнд очихоор явж байхад хүмүүс түүнийг саатуулан зогсоож, мэнд ус мэдэж, гар барин мишээл хайрлах ажээ.
- Дейна чамайг эргэж ирсэнд баяртай байна. Бид нар чамайг их үгүйлж байлаа.
- Би ч гэсэн баяртай байна.
- Хэн хүрээд ирэх нь энэ вэ! Сайн явсан уу?
- Баярлалаа, их сайн явсан.
- Бид нар чамайг эзгүй хоорондуур тэвдүүхэн байсан шүү.
- Одоо гэрээс гарахгүй байхыг хичээнэ.
- Бид бүгдээрээ чамайг санаад...
Мэтт, Дейнаг харахын хамт шогшрон гайхсандаа исгэрч,
- Чиний байж байгааг! Царай нь зэвийгээд турчихсан байна! Хий үзэгдэл шиг харагдаж байна!
- Сайхан үгээр магтсанд чинь баярлалаа.
- Суугаач.
Дейна хэлсэн ёсоор суув.
- Чи огт унтаагүй юм уу, хаашаа юм?
- Бараг унтаагүй дээ.
- Ингэхэд, чамайг байхгүй болохоор манай рейтинг огцом унасан.
- Урам хайрлалаа шүү.
- Чамайг бууж өгсөнд Эллиот бөөн баяр болно доо. Дейна энэ хэргийг дэмий барьж авсан юм гэж үглээд, чиний төлөө их зовж байгаа шүү.
Өөрөө ч гэсэн Дейнагийн талаар хэчнээн их сэтгэл зовж байснаа хэлсэнгүй. Тэр хоёр удаан ярилцсан боловч энэ мөрдөн шалгах ажлын талаар нэгдмэл саналд хүрч чадсангүй. Дейнаг өрөөндөө орж очиход Оливия хүүхэн босон харайж,
- Яасан сайн юм бэ! Таныг эзгүй байхад энд...
Утасны хонх дуугарч түүний яриаг таслахад нарийн бичгийн дарга харилцуурыг авч,
- Эванс ахайтны ажлын байр байна... Одоохон гээд бага зэрэг мэгдрэн Дейнагийн өөдөөс харж,
- Нэгдүгээр шугамаар Хадсон хадагтай ярьж байна гэв.
- Би очлоо.
Дейна ажлын өрөөндөө орж,
- Сайн уу, Памела! хэмээн мэндлэв.
- Дейна минь хүрээд ирж! Бид хоёр их санаа зовж байлаа! Орос орон бол энэ дэлхийн хамгийн аюулгүй газар арай биш шүү. Одоо цагт бол бүр ч хэцүү байгаа.
- Мэдсээн. Дэндүү сайн мэдсэн. Тэр бүү хэл, найз маань савтай шахмал хий авч өгсөн гээд бод.
- Рожер бид хоёр дандаан таныг дурсдаг байсан. Өнөөдөр таныг цайнд урих гэсэн юм. Та завтай юу?
- Завтай, дуртай очно.
- Гурван цагт болж байна уу?
- Хожимдохгүй очихыг хичээе.
Оройн мэдээллийг бэлдэж өглөөг өнгөрөөжээ.
Хадсоны гэрийн үүдэнд зогсож байсан Сейзар инээмсэглэн Дейнаг угтахдаа царай нь сэргэж,
- Эванс хадагтай! Тантай уулзсандаа их баяртай байна! Эх нутагтаа тавтай морилогтун! гэхэд Дейна,
- Би ч гэсэн баяртай байна, Сейзар! Сайн сууж байв уу? хэмээн хариу өчив.
- Үүнээс сайн гэж юу байхав.
- Гэрийн эзэд...
- Тэд нар энх тунх байгаа. Таныг хүлээж байгаа. Пальтог чинь өлгөх үү?
Зочны өрөөний босгыг алхтал гэрийн эзэд хоолой нийлүүлэн,
- Дейна ирлээ! хэмээн дуу алдаж, Памела хүрч ирээд Дейнаг тэвэрч,
- Золбирсон охин маань хүрээд ирлээ! гэхэд Рожер толгой сэгсрэн,
- Та ядарсан харагдаж байна гэлээ.
- Ганц танд тэгж харагдсан биш бололтой юм билээ.
- Алив суу, суугаач.
Зарц бүсгүй цай, жигнэмэг загасан талх мэтийг оруулж ирэхэд Памела цай аягалав.
Ийнхүү бүх юм бэлэн болсны эцэст Рожер,
- За юу олж мэдсэнээ яриач гэсэнд Дейна уртаар санаа алдаад ярилаа:
- Би хааш ч үгүй гацах шиг боллоо. Шал дэмий их цаг хугацаа зарцуулснаа бодоход гутмаар юм! Дитер Зандер гэдэг нэг хүнтэй танилцлаа. Уинтроп намайг мэхэлж, шоронд хийсэн, намайг шоронд сууж байх хооронд манай гэр бүл галд шатаж үхсэн гэсэн шүү, тэдний минь үхэлд Уинтроп буруутай гэж байх юм.
- Тэгвэл өстөн дайснаа хөнөөх шалтгаан Зандерт байсан юм байна! гэж Памела дуу алдав.
- Тиймээ, бас тэгээд болоогүй гэж байгаа. НАТО-д Франц улсыг төлөөлөн сууж байсан Марсель Фалькон гэгчтэй уулзлаа. Тэдний ганц хүүг машин дайрч орхиод, жолооч нь хэргийн газраас зугтсан юм байна. Уинтропын жолоочоор ажиллаж байсан тэр хүн хэргээ хүлээж, бүх насаараа хоригдох ял авчээ. Харин одоо болохоор, тэр машиныг Уинтроп өөрөө жолоодож явсан гэдэг байгаа.
- Нээрэн юм уу? Би Фальконыг таньдаг байсан юм. Тэр чинь нэг үе Брюссельд сууж байсан хүн гэж Рожер үг дайв.
- Яг үнэн. Тэр хэрэг явдал чухамдаа Брюссельд болсон юм билээ. Фальконд чин үнэнийг хэлсэн гэж нөгөө жолооч нотолж байгаа шүү.
- Улам сонирхолтой болоод байна гээч!
- Хэлээд яахав. Та Венсан Манчино гэдэг хүнийг дуулсан уу?
Рожер хэсэг бодож байснаа,
- Үгүй юм шиг байна гэв.
- Мафийн хүн. Ихээхэн нөлөөтэй. Тейлор түүний охины толгойг эргүүлж, дараа нь нэг луйварчин дээр аваачсан юм байна. Тэр зальхай этгээд үр хөндөхийн оронд савыг нь аваад хаячихсан. Одоо охин нь нэг сүмд, ээж нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байдаг гэнэ.
- Тэнгэр минь!
- Одоо гурван сэжигтэн байгаа боловч би юу ч нотолж чадахгүй байна гэж Дейна хэлсэнд Рожер толгой сэгсэрч,
- Тейлор үнэхээр тийм юм хийж чадах хүн байсан гэдэгт итгэхэд хэцүү юм гэлээ.
- Үүнд эргэлзэх юм огт байхгүй, Рожер. Би тэр хүмүүстэй өөрийн биеэр уулзаж ярилцсан. Энэ олон хүн амины хэргийн ард хэн ч байлаа гэсэн мундаг нарийн зохион байгуулсан байгаа юм. Ямар ч ул мөр үлдээгүй. Аллагыг янз бүрийн аргаар хийсэн болохоор өөр хоорондоо холбоогүй мэт харагдаж байгаа юм. Золгүй явдал тус бүрийн дүр зураг бусдаасаа ялгаатай. Нарийн ширийн зүйлүүдийг маш сайн бодож боловсруулсан. Ямар ч юмыг урсгалаар нь тавиагүй. Бас тэгээд нэг ч гэрч байхгүй шүү. Памела,
- Миний санал уран зөгнөл шиг санагдаж болох юм. Гэвч тэр гурван хүн нэгдэж байгаад өшөө авсан байж болохгүй юу? гэсэнд Дейна толгой сэгсэрч,
- Би үүнд эргэлзэж байна. Тэднийг тус туст нь аваад үзвэл ийм ноцтой хэрэгт хамтран зүтгэгч эрж байхааргүй баян чинээлэг, их нөлөөтэй улс байгаа юм. Энд хэмээс хэтэрсэн үзэн ядалт байгаа юм. Зөвхөн тэдний нэг нь л буруутай.
- Харин хэн нь вэ?
Гурвуулаа маргаж эхэлсэн боловч Дейна гэнэт нэг юм санав бололтой цагаа харж,
- Намайг өршөөгөөрэй. Би Кемалийг "Макдональдс"-т дагуулж очихоор амласан юмсан гэв.
Памела толгой дохиж,
- Тэгэлгүй яахав. Бид ойлгож байна. Зав гаргаж ирсэнд чинь баярлалаа гэхэд Дейна суудлаас босож,
- Амттай сайхан цайгаар дайлж, ёс суртахууны дэм үзүүлсэн та нартаа баярлалаа хэмээн талархав.
Дейна даваа гарагт Кемалийг сургуульд нь хүргэж өгөх замдаа
- Ингээд чамтай өдөр болгон хамт явж байх сан гэж их хүсэж явлаа, хүү минь. Одоо би нэгэнт эргээд ирсэн болохоор бүх юм урьдын байдлаар үргэлжлэх болно гэж хэлсэнд Кемаль эвшээлгэн
- Догь байна гэжээ.
Кемаль өглөөнөөс хойш туж эвшээж байсныг сая л ухаарчээ.
- Чи өнгөрөх шөнө сайн унтсан уу?
- Тэгсэн байх гэж Кемаль эвшээлгэн хариулжээ.
- Чи сургууль дээрээ юу хийдэг юм бэ?
- Уйтгартай түүхийн хичээл, залхуутай англи хэлний хичээл хоёроос гадуур уу?
- Тийм.
- Америк хөл бөмбөг тоглодог.
- Чи дэндүү ядраад байгаа юм биш биз, хонгор минь. Ахиухан амарч байвал илүүдэхгүй шүү.
- Бүх юм о'кей байгаа гээд байхад чинь.
Кемалийн өгсөн хайхрамжгүй хариулт Дейнаг тайвшруулж чадсангүй. Кемаль нэг л бишээ. Эцэж турсан, нэг л дорой. Цоорхой домбо шиг гоожоод хамаг эрчим хүчээ дуусчихсан юм шиг. Жирийн биш тайван болсон байжээ. Эмчид аваачиж үзүүлэх үү? Шинжилгээ хийлгэнэ байгаа. Амин дэм дутагдсан болов уу. Гэтэл... үгүй ээ энэ тухай бодсоны ч хэрэггүй. Одоо ажил дээрээ очих цаг болчихлоо. Оройны мэдээллийн талаар хийх зөвлөгөөн хагас цагийн дараа эхэлнэ.
Өглөөний цаг нисэх адил өнгөрч Дейна ч дуртай нь аргагүй ажил- даа шамдан оржээ. Найртай сайхан хүмүүсийн дунд танил орчиндоо дахин ажиллах нь юутай сайхан бэ!
Ажлын өрөөндөө эргэж ирэхэд ширээн дээр нааж битүүмжилсэн дугтуй байв. Илгээсэн хүний нэр, хаяг байсангүй. Зөвхөн Дейнагийн нэрээс өөр юу ч бичсэнгүй. Дугтуйг хайчлан задалж үзвэл, гарын үсэггүй, мурий сарий бичсэн хэдэн мөр байжээ.
"Эванс хадагтай, танд хэрэгтэй мэдээлэл надад байна. Москвагийн "Союз" зочид буудалд таны нэр дээр өрөө захиалсан байгаа. Онгоцоор маш яаралтай гараарай. Хэнд ч дуулгаж болохгүй шүү".
Танд хэрэгтэй мэдээлэл надад байна.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:09 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 199
Энэ бол хэн нэгний увайгүй тоглоом шоглоом байж таарна. Миний хайж яваа асуултын хариулт Орост хэн нэгэн хүнд байна гэж бодъё. Тэгвэл яагаад тэр хэн нэгэн хүн нь надтай уулзаагүй өнгөрсөн бэ? Ах дүү Ждановтай ярилцаж байхад Борис нэг юм хэлэх гээд байх шиг байсан, гэвч Александр ах нь дуугаргахгүй байсан.
Дейна аргаа баран сандалд суув.
Энэ зурвас яаж яваад миний өрөөнд байж байдаг билээ? Үнэхээр миний мөрийг мөшгөөд байгаа юм уу?
За яршиг, үүнийг мартах нь ээлтэй шиг байна.
Зурвасыг цүнхэнд хийхдээ, гэртээ хариад урж хаяна хэмээн бодлоо.
Дейна тэр оройг Кемальтай хамт өнгөрөөв. Жаал хүү Москвагаас авчирсан компьютер тоглоомыг учиргүй сонирхоно гэж бодсон боловч Кемаль огт сонирхсон янзгүй байснаар барахгүй дөнгөж есөн цаг болж байхад хоёр нүд нь анилдаж,
- Дейна, миний нойр хүрээд байна. Өрөөндөө очлоо гэжээ.
- Тэг дээ, хүү минь.
Дейна хүүгийн араас ширтэж толгой сэгсрэн хоцорчээ.
Кемаль шал өөр болжээ. Бүр миний хүүхэд биш шиг байх юм! Одоо бид хоёр дандаан хамт явах юм чинь дажгүй дээ. Ямар нэгэн юманд шаналаад байгаа бол би учрыг олно.
Харин одоо ажилдаа явалгүй болохгүй.
Зурагтын дэлгэцээс нүд салгалгүй ширтэж суусан хажуугийн байрны оршин суугч микрофоноор,
- Объект, ажил дээрээ очиж оройн нэвтрүүлэг бэлдэхээр явлаа. Жаал хүү унтаж байгаа. Гэрийн үйлчлэгч юм оёж байна хэмээн илтгэв.
- Эфирийн нэвтрүүлэг эхэллээ.
Улаан гэрэл асахын хамт нэвтрүүлэгч цовоо дуугаар,
- Оройн мэнд.
- Та бүхэн Дейна Эванс, Ричард Мелтон нарын хөтлөн явуулдаг WTN сувгийн арван нэгэн цагийн нэвтрүүлгийг үзэж байна гэхэд Дейна инээмсэглэн,
- Оройн мэнд. Би Дейна Эванс байна гэлээ.
- Харин би бол Ричард Мелтон байна.
- Бид энэ удаагийн нэвтрүүлгийг Малайзад болсон аймшигтай эмгэнэлт явдлын тухай мэдээллээр эхэлж байна... хэмээн Дейна мэдээ уншиж эхлэв.
Би энд, энэ ширээний ард суугаад ажиллаж байх учиртай. Хоосон юмны хойноос хөөцөлдөж хорвоо дэлхийгээр хэрэн гүйхийн хэрэг алга.
Нэвтрүүлэг сайхан болж өнгөрөв. Гэртээ харихад Кемаль унтсан байжээ. Дейли хадагтайтай салах ёс гүйцэтгээд орондоо орсон боловч нойр нь хүрсэнгүй.
Танд хэрэгтэй мэдээлэл надад байна. Москвагийн "Союз" зочид буудалд таны нэр дээр өрөө захиалсан байгаа. Онгоцоор маш яаралтай гараарай. Хэнд ч дуулгаж болохгүй шүү.
Энэ бол урхинаас өөр хол очихгүй... Ийм нөхцөл байдалд эргээд Москвад очно гэдэг бол зөвхөн адгийн тэнэг хүүхний хийх ажил. Гэтэл тийм биш бол яах билээ? Хэн нэгэн хүн үнэнийг хэлэх гээд байгаа юм биш биз? Хэн тэгж хар толгойдоо лай хураах юм бэ? Тэр зурвасыг зөвхөн Борис Жданов бичсэн байж таарна. Тэр чинь нэг юм мэдээд байгаа хүн дээ!
Ийнхүү Дейна тэр шөнийг цурам хийсэнгүй өнгөрөөжээ.
Өглөө нь босоод Хадсонтай утсаар ярьж нөгөө зурвасыг уншиж өгөхөд цаадах нь баахан уймарсан бололтой,
- Бурхан минь! Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна! Хэн нэгэн хүний нандин сэтгэл сэргэж, бид Уинтропод чухам юу тохиолдсоныг олж мэдэх юм биш байгаа? гэжээ.
- Магадгүй шүү.
- Энэ чинь аюултай байж магадгүй шүү, Дейна! Надад нэг л аягүй санагдаад байна. Юмыг яаж мэдэх вэ...
- Би явахгүй өнгөрөөвөл бид юу ч олж мэдэхгүй хоцорно.
- Таны хэлдэг зөв болов уу гэж Хадсон зориг муутайхан хариулав.
- Би болгоомжтой байхыг хичээнэ, харин би энэ ажлыг орхиж чадахгүй юм байна.
- Тэгэхээс дээ. Харин надтай байнга холбоотой бай.
- Үүнийг амлая.
Дейна харилцуураа тавиад, аялал жуулчлалын "Корниш" товчоонд очиж Москвад ирж, очих тийз захиалжээ. Өнөөдөр мягмар гараг. Москвад удахгүй болов уу хэмээн найдахаас өөр юмгүй болжээ.
Дейна ажил дээрээс гарахын өмнө, чухам юу болсныг чин үнэнээр дурдсан зурвас бичиж Мэттэд үлдээжээ.
Бас л Кемалийг орхиод явах болсон нь тоогүй байв. Одоо хаашаа ч явахгүй гэж амласны эцэст ийм юм болдог байжээ!
Юу ч болсон хамаагүй, Дейли хадагтайтай ярилцаж учир явдлыг тайлбарлахаар шийдээд гэртээ харихаар явлаа.
- Дейли хадагтай, би бас л ганц-хоёр хоногоор явах болоод байна. Та Кемалийг асарч байгаач гэж гэмшингүй өнгөөр хэлжээ.
- Эванс хадагтай минь, санаа зовсны хэрэггүй. Бүх юм номын ёсоор байх болно.
Хажуугийн байранд суудаг эр зурагт ширтэхээ болиод, нэг утасны дугаар яаран эргүүлэв.
Энэ удаад "Аэрофлот" компанийн онгоцоор Москва орохоор нисэх гэж байхад сэтгэл шаналгасан бодолд автаад тавгүй явжээ.
Би, арслангийн аманд толгойгоо шургуулж байх шиг байна. Тэр зурвас урхи байснаас хол очихгүй. Харин бүх асуултын хариуг сонсох ямар нэгэн боломж гарч байгаа бол түүнийг ашиглалгүй яахав.
Дейна алсын нислэгт бэлдэн, өнгөрөх шөнө нойргүй хоносон учир хоёр нүд нь анилдан унтжээ.
Маргааш өглөө нь Шермеьвев-2 буудлын хөлдүү бетон дээр онгоц газардахын хамт Дейна цүнхээ шүүрч аван, нүдгүй шуурганыг тоосон янзгүй онгоцноос буужээ. Машины зогсоол дээр их олон хөлсний тэрэг дараалан зогссон байв. Дөчин таван минут зогссон Дейнагийн суух ээлж болоход нэг булиа эр урдуур нь дайрах гэсэнд,
- Болиорой. Энэ чинь миний машин гээд сайх эрийг түлхэн зайлуулж тэргэнд суув.
- Хаа хүрэх вэ? гэж жолооч нь оросоор асуухад,
- "Союз" зочид буудал гэвэл нөгөө жолооч өөдөөс нь эргэн харж хэдэн англи үг эвлүүлэн,
- Та үнэхээр тийшээ очих юм уу? гэжээ.
- Яасан бэ? Ямар нэгэн юм нь болохгүй байна уу? хэмээн асуув.
- Тэр чинь тааруухан буудал шүү.
Дейна гэнэт айх шиг болжээ.
Би юу хийж байна? Одоо нэгэнт оройтжээ.
Нөгөө жолооч хариулт сонсохыг хүлээсээр байсан тул,
- Тэнд очноо гэж шуудхан хариулав.
Жолооч мөрөө хавчаад машинаа асаан, хөдөлгөөний урсгал дунд хутгалдан оржээ.
Өрөө захиалаагүй байвал яана? Энэ нь үнэхээр хэн нэгний увайгүй тоглоом шоглоом байсан бол яах вэ?
"Союз" гэдэг зочид буудал нь Москвагийн захад Левобереж гудамжинд байх царай муутай, холторч шалбарсан хүрэн өнгийн будагтай байшин байх ажээ.
- Би хүлээх үү? гэж жолооч асуусанд Дейна,
- Хэрэггүй гэж бараг шуудхан хэлжээ.
Мөнгөө төлөөд машинаас бууж хүйтэн салхинд туугдан будаг нь ховхорсон үүдний танхимд орж очиход ширээний ард суусан ахимаг насны бүсгүй сэтгүүл уншиж байв. Дейна өнгөт хавтан суулгасан шалан дээгүүр гутлын өсгий тачигнуулан алхахад нөгөө эмэгтэй гайхан харжээ. Дейна тайван явж ширээний дэргэд очив.
- Та юу гэж явна?
- Намайг Дейна Эванс гэдэг. Надад өрөө захиалсан байгаа юмсан.
Ингээд амьсгаа даран хүлээж байтал нөгөө бүсгүй толгой дохин,
- Тийм байна, Эванс гээд ардаа байсан өлгүүрээс түлхүүр авч өгөөд,
- Дөрөвдүгээр давхарт, дөрвөн зуун хоёр гэж уцаарлан гуй хэлжээ.
- Маягт бөглөх үү?
- Яах юм бэ. Ганц хоног юм чинь, одоо мөнгөө өг.
Дейна дахиад л айх шиг болжээ. Үйлчлүүлэгчийг бүртгэж авдаггүй зочид буудал Орост баймааргүй сан. Нэг л биш оргиод байна даа.
- Таван зуун рубль гэж жижүүр хэлсэнд Дейна зөрж,
- Би мөнгө солиулах хэрэгтэй. Дараа өгье гэв.
- Үгүй. Одоо өг. Доллараар өгч орхи.
- Тэгье.
Цүнхээ уудалж нэлээн хэдэн дэвсгэрт гарган барьтал нөгөө эмэгтэй шуналтай нь аргагүй шүүрэн авчээ. Дейнагийн бодлоор бол, барагтайхан зочид буудал худалдаад авч болохоор мөнгө шиг санагджээ.
- Цахилгаан шат хаана байна?
- Цахилгаан шат байхгүй.
Дейна амандаа,
- Бурхан минь гэж үглэн, тээш зөөх хүн байхгүй нь мэдээж тул цүнхээ чирэн дээш өгсөв.
Дейнагийн бодсоноос долоон дор, зайгүй давчуу, хог новшиндоо баригдсан, уранхай хөшигтэй, ор дэвсгэрийг хурааж янзлаагүй өрөөнд оржээ. Борис надтай яаж холбоо барих гэж байгаа юм бол?
Энэ нь занга байж болох талтай ч гэсэн үл таних тэр хүн ингэж явдал удахын хэрэг юу билээ?
Орны ирмэг дээр сууж, хир тортог болсон цонхоор дүнсгэр гудамжийг харав.
Би үнэхээр маанаг, адгийн тэнэг амьтан юмаа! Энд хэчнээн хүлээх болж байна? Тун амархан мэхлэгдлээ...
Хаалга зөөлөн тогшиход Дейна алмайран босож, энэ нууцын учир одоо тайлагдана, эсвэл ямар ч нууц юм байгаагүй болж таарна хэмээн бодов.
Хаалга дутуу онгойлгон харвал нэг ч хүн байсангүй, харин шалан дээр нэг дугтуй хэвтсэнийг авч, үүдээ түгжээд үзвэл жижигхэн хуудас цаасан дээр хэдхэн үсэг, тоо байжээ:
"АААОҮ. 21:00"
Дейна ямар ч ойлголтгүйгээр хуудас цаасыг харж баахан суусны эцэст цүнхэн дотроосоо хөтөч зураг гаргаж үзжээ. "АААОҮ - Ардын аж ахуйн ололтын үзэсгэлэн" гэж тайлбарлаад хаягийг бичсэн байв.
Найман цагт гадаа гарч, нэг царай муутай машин зогсоож үсэг нэг бүрийг хичээнгүйлэн дуудаж,
- АААОҮ гэсэнд жолооч ихэд гайхаж,
- АААОҮ үү? Одоо хаалттай байгаа шүү дээ гэжээ.
- Тийм үү?
- Явах уу, яах вэ?
- Явнаа.
Жолооч мөрөө хавчаад машин ухасхийн хөдлөв.


Top
   
PostPosted: Apr.24.17 12:10 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 199
Нийслэл хотын зүүн хойт хэсэгт орших эл үзэсгэлэн нь их том газрыг эзэлдэг ажээ. Хөтөч зурагт өгүүлснээр, хуучин Зөвлөлт холбоот улсын ололт амжилтыг илтгэн харуулах зорилгоор энэ үзэсгэлэнг байгуулсан бөгөөд харин одоо улс орны эдийн засаг нь дээсэн дөрөөн дээр болсон энэ үед санхүүжүүлэх ажил зогссон учир энэхүү нүсэр том хүрээлэн нь сүйрсэн эзэнт улсын өмхөрсөн хөшөө төдий болон үлджээ. Аварга том үзэсгэлэнгийн танхимууд нь аажим аажмаар доройтон унасан байх агаад олон танхимыг жижиг дэлгүүрүүдэд түрээслэн өгсөн байх тул өдрийн цагт хөл хөдөлгөөн ихтэй байдаг аж. Харин хөхөө өвлийн хүйтэн хайрсан энэ орой энэ хүрээлэнд хүн амьтангүй, тэр бүү хэл шөнийн гэрлүүд асахгүй байв.
Дейна хөлсний тэрэгнээс бууж, хэдэн долларын жижиг дэвсгэрт гарган,
- Энэ болох... гэтэл жолооч түүний яриаг таслан,
- Бололгүй яахав гэхийн хамт шүүрч аваад алга болж өгөв.
Дейна эргэн тойрныг харвал амьд амьтны бараа байсангүй тул дотогш орж жаахан цаашаа яваад бандан сандалд суув. Одоо Борис гараад ирэх учиртай байлаа.
Дейна, амьтдын хүрээлэнд очиж, Жоан нэгэнт үхсэнийг мэдэхгүйн харгайгаар хүлээж байснаа эргэн санажээ. Гэтэл өнөөх Борис бас...
Тэгтэл эрэгтэй хүний сөөнгөдүү дуу гарч, сэтгэл түгшүүлсэн бодлын хөврөлийг тасалжээ.
- Оройн мэнд.
Дейна цочин балмагдаж золтой л хашгирсангүй. Яагаад юм бэ, Бористой уулзана гэж Дейна бат итгэсэн байжээ. Гэтэл түүний ах нь ирсэн байв.
- Ноён захирал! Би таныг гэж бодсонгүй...
- Намайг дагаад яваарай гэж Александр товчхон хариулаад үг хэлэхийн завдалгүй хүрээлэнгийн гүн тийш гүйхэд Дейна тээнэгэлзсэн боловч араас нь явлаа.
Мань хүн нэг танхимын хананд тулган барьсан донжтой царайтай цайны газарт орж нэг мухарт нь суув. Тэнд эрэгтэй, эмэгтэй хоёроос өөр хүн байсангүй. Дейна ширээнд дөхөж очин суухад Александр ядарсан маягийн хоол зөөгчид,
- Хоёр аяга кофе өгөөч гэснээ Дейнад хандаж:
- Таныг ирнэ гэдэгт эцсийн мөч хүртэл эргэлзэж байсан юм. Гэтэл миний тавьсан өгөөш хэргээ бүтээсэн юм байна. Та дэндүү махруун хүн юм. Энэ чинь аюултай чанар шүү гэжээ.
- Та миний сонирхож байгаа зүйлийн талаар ярьж өгье гэж бичсэн байсан.
- Тэр үнэн.
Хоол зөөгч хүүхэн хоёр аяга кофе авч ирэв. Александр шоржигнуулан балгаад хэсэг чимээгүй болов.
- Тейлор Уинтроп, тэдний гэр бүлийнхэн үнэхээр алагдсан эсэхийг та мэдэхийг хүссэн байхаа?
Хэн нэгэн хүний бахим гар Дейнаг багалзуурдах шиг санагджээ.
- Үнэхээр тэгсэн юм уу?
Жданов нэг л хачин хагас шивнэсэн дуугаар,
- Тэгсэн юм гэхэд Дейна жихүүцэх мэт мөрөө хавчив.
- Тэр нь хэн бэ?
Александр захирангуй маягаар өрөөсөн гараа өргөж,
- Би үүнийг хэлнэ, харин давын өмнө та надад тус болох ёстой байна гэсэнд Дейна сэрэмжлэн,
- Юугаар туслах вэ? гэжээ.
- Намайг Орос орноос гаргаад өгөөч. Надад аюул нүүрлээд байна.
- Та шууд л онгоцны тийз худалдаж аваад нисвэл яасан юм бэ? Одоо чинь орос хүмүүс хилийн дээс алхахад чөлөөтэй болсон гэж би ойлгож байгаа.
- Эрхэм Эванс хадагтай минь, тань шиг ийм гэнэн зантай хүн одоо болтол амьд яваад чинь гайхаж байна. Хуучны коммунист журам үйлчлэхээ больсон нь үнэн, гэлээ ч гэсэн таны зөвлөснөөр хөдөлбөл намайг онгоцны буудал хүрэхээс өмнө нам буудна. Манай хана туургууд урьдын адил нүд, чихтэй хэвээрээ байгаа. Таны туслалцаа зайлшгүй хэрэгтэй болоод байна.
Түүний хэлсэн үгийн утга учрыг тэр даруйд нь ухаарч чадсангүй. Ждановт ямар аюул нүүрлээд байгааг ойлгосны эцэст,
- Гэвч би чадахгүй... тэр бүү хэл би юунаас эхлэхээ мэдэхгүй байна гэж гунигтай хариулжээ.
- Та туслах ёстой. Та ямар нэгэн арга хайж олох үүрэгтэй. Миний амь нас сохор зоосны үнэгүй болоод байна.
- Америкийн элчин сайдтай ярилцаад үзэх үү? гэж Дейна санал гаргахад Жданов бараг хашгиран,
- Тэгж болохгүй! хэмээн дуу алдав.
- Гэтэл энэ бол миний хийж чадах ганц...
- Танай элчин сайдын яамаар дүүрэн байдаг урвагчид ийм яриаг тэр дор нь цааш дамжуулна. Тэгвэл хамаг юм өнгөрөх нь тэр. Миний хэлсэн зүйлийг та, танд тус дэм үзүүлэх хүнээс өөр хэн ч мэдэх учиргүй. Танай элчин сайдын хүчин мөхөсдөнө.
Дейнагийн хамаг бие алдран суларчээ. Энэ чинь хүний санаанд багтах ажил мөн үү? Нэг чухал түшмэл эрийг Орос орноос гаргана гэж байгаа шүү! Ганц муурыг ч хилийн дээс алхуулж чадахгүй шүү дээ! Мань хүн намайг мэхэлж байгаа бус уу? Америк оронд шилжин суурьших хэрэглүүр болгон ашиглаж байгаа бус? Тэгвэл энэ аялал маань дэмий ажил удсанаас өөр юмгүй болж таарна...
Уур нь хүрсэн Дейна,
- Жданов захирал аа, би танд тус болж чадахгүй юм шиг байна гэж хэлээд босов.
- Хүлээгээрэй! Танд нотолгоо хэрэгтэй юу? Нотолгоо гаргаж болно шүү.
- Чухам ямар нотолгоо байна?
Жданов удтал чимээгүй байсны эцэст,
- Та намайг эцсийн арга хэрэглэхэд арга буюу тулгалаа. Уг нь би ингэхгүй гэж бодож байсан юм, гэтэл яалтай билээ! Явцгаая гэжээ.
Жданов жолооны ард сууж, Олон улсын эдийн засгийн хөгжлийн Товчооны байшингийн ар талаар орж, харанхуй байсан ажлын өрөөг онгойлгон орж ирээд,
- Танд ярьсан зүйлийн төлөө намайг буудан хороож болох талтай, гэвч өөр арга даанч алга гээд аргаа барсан байдлаар хоёр гараа тэлэв.
- Би энд үлдвэл тэртэй тэргүй цаазлуулах хүн.
Дейна сандалд сууж, Жданов захирал хананд суулгасан төмөр шүүгээний хаалгыг кодоор онгойлгож, "Нууц" гэсэн бичигтэй том хавтас гаргаж ирэхийг харж суулаа.
- Энд зэвсэглэлийн нөөцийн тухай нууцалсан бүх мэдээлэл байдаг юм гэж Александр тайлбарлаад нөгөө хавтсыг ширээн дээр тавилаа.
Хавтасны хуудас эргүүлж эхлэхэд Дейна амьсгаа даран ширтэв. Бөмбөгдөгч онгоц, сансрын хөлөг, баллистик пуужин, пуужин эсэргүүцэх байгууламж, автомат зэвсэг, танк, шумбагч хөлгийн өнгөт гэрэл зургууд байна.
- Орос орны бүх зэвсгийн сан энд байгаа юм.
Юутай аймшигтай вэ! Энэ их зэвсгээр дэлхийн аль ч улс орныг устгах чадалтай ажээ.
- Одоо Орос улсад мянга гаруй тив хоорондын баллистик пуужин, хоёр мянга гаруй цөмийн зэвсгийн хошуу, алсын зайны далаад бөмбөгдөгч байгаа. Хар даа... шинээр хийгдсэн зүйлүүд энэ байна... "Акрид", "Афид", "Анаб", "Арчер" гээд л... Манай цөмийн зэвсгийн нөөц Америкийн нэгдсэн улсынхаас дутуугүй шүү.
- Тун сүрлэг юм байна.
- Харамсалтай нь, манай зэвсэгт хүчин бэрх цагийг туулж байгаа юм. Хямрал нүүрлээд байна. Армид зарцуулах мөнгө байхгүй, эр зоригийн үзэл санаа өдрөөс өдөрт унасаар байгаа. Цэрэг дарга нарын дунд завхрал би болсон. Одоо үе нь горьдлого муутай, ирээдүй үе нь бүр ч доройтох төлөвтэй байгаа болохоор манай цэргийнхэн өнгөрсөн үедээ хандах болоод байна.
- Гэтэл би ямар уялдаа холбоо байгааг... Орос орон хэт их гүрэн байсан цагт бид нар Америкийн Нэгдсэн улсаас илүү хэмжээний зэвсэг үйлдвэрлэж байсан болохоор одоо тэр асар их нөөц хэвээрээ байгаа юм. Урьдын адил байж л байгаа, дэлхийн улс орон ийм зэвсгийг гартаа оруулах гэж тоймгүй их зардал гаргахад бэлэн байгаа. Энэ бол олон тэрбум долларын үнэтэй зэвсэг шүү.
- Жданов гуай, таны асуудлыг би ойлгож байна харин...
- Энэ бол асуудал биш.
- Асуудал биш юм уу? Тэгвэл асуудлын гогцоо юунд байгаа юм бэ? гэж Дейна гайхан асуув.
- Та Красноярс-26 гэгчийн тухай сонссон уу? гэж Жданов болгоомжлон асуусанд Дейна толгой сэгсэрч,
- Огт сонсоогүй хэмээн хариулав.
- Үүнд гайхах юу байхав. Тэр чинь нэг ч газрын зурагт байхгүй, тэнд аж төрдөг хүмүүсийг албан ёсоор данснаас хасагдсан улс байгаа юм.
- Би ойлгохгүй юм. Энэ чинь юу гэсэн үг вэ?
- Та өөрөө үзээрэй. хоёулаа маргааш тийшээ ниснэ. Жин үдэд нөгөө цайны газарт уулзамз.
Жданов ингэж хэлээд хүүхний гарыг бяцартал атгаж сулхан дуугаар,
- Нэг ч хүнд үг цухуйлгаж болохгүй шүү, мэдэв үү? Эс тэгвэл таны амь нас сохор зоосны үнэгүй болно гэв.
Жаахан азнавал гарын яс гэмтэж магадгүй болжээ!
Дейна сулхан дуугаар,
- Та гар тавина уу! Би бүгдийг ойлголоо! гэсэнд,
- Ярьж тохирлоо. Таныг доод давхар хүртэл гаргаж өгье. Тэгээд дараа нь өөрөө яваад хариарай гэж Жданов толгой дохин хэлээд гэдрэг ухрав.
Дейна бараг ухаантай ухаангүй хоёрын хооронд зочид буудлын үүдний танхимаар ороод, дөрөвдүгээр давхарт гарахад зуун жил өнгөрөх шиг болжээ. Хир буртаг болсон онгоцонд орж хагас дутуу угаасан болоод орондоо орж, үхсэн юм шиг унтжээ.
Гай барцад ёрлох мэт чийг даасан баргар өглөө болсон байв. Дейна дуртай дургүй босоход хүйт даасан эвгүй байв. Александртай уулзахын өмнө хаа нэгтээ очиж цай уух хэрэгтэй байлаа.
Жижигхэн зоогийн газарт очиж шарсан өндөг идэж, загасан талхтай кофе ууж аваад жин үд болоход нөгөө цайны газарт ирсэн байлаа. Арван таван минут...хагас цаг...
Жданов алга л байз.
Одоо яах билээ? Амь насаа алдахаас айж байна гээд байсан. Арай муу ёрын зөн совин нь биелээгүй биз дээ?
Нэг мэдэхнээ хаанаас гараад ирснийг бүү мэд, Жданов хажууд нь зогсож байв.
- Цаг нөхцөөгөөд яахав. Дэлгүүрээр орж юмаа авцгаая гэхэд үл итгэсэн Дейна,
- Юм авна гэнээ? хэмээн лавлав.
- Бушуу яваарай.
Дейна шогших нь холгүй түүнийг дагалаа.
- Бид юм авч яах юм бэ?
- Танд авч байгаа юм.
- Надад юу ч...
Жданов нэг машин барьж худалдааны төв орно гэв.
Тэр хоёр замдаа ам ангайсангүй.
Жданов жолоочид мөнгө төлсний дараа, дотроо олон жижиг дэлгүүртэй нүсэр том саравчтай аварга том худалдааны төвд орж, ичиж зовмоор содон чамин эмэгтэй хувцас тавьсан нэг дэлгүүрт очоод,
- Яг хэрэгтэй юм энд байна гэж Жданов хэлэв.
Дейна тэнд тавьсан хямд үнэтэй муусайн юмыг жигшин харж байснаа,
- Бид энд юу хийж байгаа билээ? гэж асуусанд,
- Та имижээ солих хэрэгтэй байгаа юм, тэгэхлээр хувцсаа бас өөрчлөх учиртай гэлээ.
Тэднийг угган авсан худалдагч хүүхэнтэй оросоор хэдэн үг сольсны дараа хөх ягаан өнгийн оготор банзал, бараг бүсэлхий хүрсэн ухлаадастай гялтганасан өнгийн гадуур цамц авч ирэхэд Жданов сайшаан толгой дохиж,
- Докторын бичсэн жортой яг таарч байна. За өмсөөрэй гэхэд Дейна ухарч,
- Би яасан ч өмсөхгүй. Та намайг хэн гэж бодоод байна? Яах гэж үүнийг... гэтэл Жданов огт тоосон янзгүй,
- Өмсөх л болно доо гэв.
- Гэтэл яагаад?!
- Та үзэх болно.
Сексийн донтой монди байх нь гээч! Би юунд ороолдох нь энэ вэ, чөтгөр ав?!
Жданов яльгүй тохуурхсан янзтай,
- За яах вэ? Шийдэв үү? гэжээ.
Дейна усны эргүүлэгт орох гэж байгаа юм шиг аргаа барж -Тэгэхээс дээ гэж хэлээд хувцас тааруулах давчуу өрөөнд орж шинэ өмсгөл өмсөөд,
- Завхай эм шиг болчихсон байна! гэж чанга хэлэхэд Жданов, -Арай болоогүй байна. Гоо заслын тал дутагдаж байна гэв.
- Гэвч, ноёнтоон...
- Урагшаа!
Дейнагийн өөрийн хувцас жижигхэн уутанд багтжээ. Дулаан пальто өмсөж, бүсээ чангалан булай муухай хувцсаа бага боловч халхлав. Гэвч энэ нь олигтой болоогүй бололтой. Яагаад гэвэл, тэр дундуур явахад хүмүүс хараа сунгаж, эрчүүд нь учрыг ойлго сон байдлаар инээмсэглэхээр барахгүй нэг ажилчин нүд ирмэж,
- Нааш ир! гэж дуудахад Дейнагийн хамаг бие арзас хийжээ.
Гоо сайхны дэлгүүрийн үүдэнд очиж Жданов түрүүлэн ороход Дейна дэмий л тээнэгэлзэн араас нь оров. Жданов лангууны дэргэд очиж,
- Хурц өнгөтэй уруулын будаг бас улаан өнгийн будаг авъя гэлээ. Худалдагч хүүхэн улаан өнгийн уруулын будаг, мөн улаан будаг харуулахад Жданов тэр бүхнийг авч Дейнад бариад мушилзан,
- Гойд сайхан таарч байна! Зузаан будаарай гэхэд хүүхний тэвчээр барагдаж,
- Больё оо, баярлалаа! Жданов гуай та ямар тоглоом сэдээд байгааг мэдэхгүй юм, гэвч би түүнд чинь оролцохгүй. Бишгүй нэг боллоо гэтэл Жданов ууртайгаар ширэв татан хараад,
- Эванс, энэ бол тоглоом биш гэдгийг хэлье. Красноярск - 26 бол хаалттай хот. Би бол тэнд орох эрхтэй цөөн тооны томчуудын нэг. Тийшээ янхан хүүхэн аваачихыг хэдхэн хүнд зөвшөөрдөг юм, тэгэхдээ нэг өдрөөс хэтрэхгүй хугацаагаар шүү. Харуулыг аргалж таныг тийшээ оруулах цорын ганц арга бол энэ байгаа юм... Бас төлбөрийн журмаар хэрэглэх нэг авдар шилдэг архи хэрэгтэй болно. За тэгээд шийдэх үү?
Хаалтай хот гэв үү? Бас харуул хамгаалалт гэнэ үү? Энэ бүхэн яаж дуусдаг бол?
- Тэг. тэгье. Тийшээ явцгаая гэж Дейна аман дотроо гөвтнөх төдий болов.


Top
   
PostPosted: Apr.24.17 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6067
Location: Энд
Баярлалаа. Энэ Сидни дандаа нэг ийм баахан гэмт хэрэгтэн бх магадлалтай сэжигтэн гаргаж ирнээ. Тэгээд нэг хамгийн гэмгүй харагдаж бгаа нь дандаа гэмт хэрэгтэн бдийн. Энэ удаа бас хэн юм бгаан. Тэр нэг гэртээ уриад бгаа эхнэр нөхөр 2 байж магад л юм.

Дахин баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 60 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited