#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.17 1:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 
Author Message
PostPosted: Jan.10.17 12:27 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.27.16 3:13 pm
Posts: 5
Доноровын Батсүх

Хавт Хасарын домог

Өндөр тэнгэрийн оройгоор
Өвгөн бүргэд халихдаа
Өнгөрсөн улирсанг дурсаж
Өнийн домгийг тагшина

Буурал түүхийн гэрчүүд
Цагийн эрхээр одсон ч
Будант сэтгэлийн мананд
Бүдэг таамаг бүрэлзэнэ

Хавт Хасарын явдал
Нойр хулжаан санагдахад
Мэргэдийн үлдээсэн үлгэрийг
Үүр гийтэл нэгжнэм


Алтан наран Бурхан Халдун уулын өврийг галын цог лугаа хүрэн улаанаар хучиж гийгүүлэн мандахад сүүдэр нөмөрсөн нуруу бие нь гүн далайн цүнхээл мэт хөхрөн бараантсан хэвээр ажгуу.
Мөнх хөх тэнгэрийн чанадаас унаад ирэв үү гэлтэй гэнэтхэн тодорсон бүргэд хараа хүрэх хязгаартаа хүртэл эрмүүнээр шунган буугаад их уулын оргилыг нар зөв гурвантаа тойрлоо. Хэдий өтөлсөн ч тэнхээндээ эрдсэн тэр жигүүртэн салхи сөрөн ихэмсэгээр агаарт тогтов. Огцом түргэнээр толгойгоо сэжлэн газар дээрхийг шинжсэн бүргэд цуурай хадаан тагшиад хүчит жигүүрээ бардам дэвсээр эргэн хөөрсний учир нь оргил өөд өгсөх хүмүүсийг олж харсанд байжээ.
Газар шүргэсэн урт хормойтой уужим хүрэмнээс үргэлжлэх элбэг юүдэнгээр нүүрээ халхалсан ёнхогор өндөр хоёр хүн Бурхан Халдун уулын баруун зүүн хярыг даган өдөр шөнийн зааг мэт энэ цагаар яаралгүй өгсөж оргилд хүрээд сая бие биенээ олж үзэв.
Эзгүй уулын тагтанд үл таних хүнтэй санаандгүй тулсан тул хоёул нөмрөг дотроо нуусан илднийхээ бариулыг сурмаг атгаж хуйнаас нь сөөм төдий сугалжээ. Тэд хором зуурт биенээ хурц харцаар тандаад дайсан биш ажээ хэмээн таньмагц илдээ сэмхэн буцааж хуйлав. Хоёул нүүрэндээ инээмсэглэл тодруулж ихэмсэг агаад эелдэгээр мэхийн мэндлээд дөлөх мэт даялан зөрсөн ч төдөлгүй зогслоо.
Хүрэн нөмрөгтийн юүдэн дороос том халзан дух, ясархаг өргөн шанаа цухуйна. Түүний буурал хөмсөг хацраа даган унжих нь өндөр настайг илтгэх аж.
Саарал нөмрөгт царай зуйван, хацар шувтан агаад шингэн урт хууз сахал, задгай буурал үс нь уулын салхинд сэвэлзэх нь тэд нас ойролцоо бололтой.
Бахим өргөн алгандаа алтан очир атгаад сэтгэлдээ унших тарнийн хэмээр эргэлдүүлэх хүрэн нөмрөгт эр “Та надад хандаж үг хэлэх гээ юу?” хэмээн хүнгэнүүлэн асуув.
“Үгүй ээ. Харин та надад юм хэлэх гээд байх шиг санагдлаа” хэмээн шөрмөслөг чийрэг хуруундаа алтан загалмай чимэгтэй ширэн эрхийвч угласан саарал нөмрөнт хариу хүнгэнүүлжээ.
“Тэгвэл надад хий юм сонсогджээ” гэж хүрэн нөмрөгт хэлэхэд саарал нөмрөгт эр “Надад бас тэгэж санагдсан юм байжээ” гээд тэд холдов.
Өвгөд саахалын зайтай тухлан суугаад бясалгал үйлдлээ. Эцэст нь тэд зэрэг шахам тэргүүнээ өргөж өглөөний тэнгэрт уусах мэт бүдгэрэн буй оддын зүг харц тогтоон шинжив. Энэ зуурт биесээ сэм тандсан тэдний үрчгэр аманд үл мэдэг мишээл тодорчээ.
Эрчүүд тэнхлүүн чийрэг өндийж буцахын өмнө мөн л түрүүчийн адил зөрөн зогсов. Саарал нөмрөгт энэ удаад “Муу ёрын сүнсийг мөхөөн дарагч тодрохнээ. Түүний хараа хурц, эрхий мэргэн байх болтугай” гэвэл хүрэн нөмрөгт “Тамын амьтанг тамд нь буцаагч баатар эр төрөхнээ. Түүний ухаан саруул, бие нь эрүүл байх болтугай” гэв.
Саарал нөмрөгт “Миний зөгнөсөн хүний сэтгэл нь ариун, хайр нь итгэл дүүрэн мэт ажээ” гэвэл хүрэн нөмрөгт “Миний зөгнөсөн хүний зүрх нь чанга, бие нь эрчтэй мэт ажээ” хэмээн хариулжээ.

Тангадын хааны зарлигаар дэрэвгэр амыг нь алтаар бүрж, урт хэлийг нь ган болгосонд дуу нь тодроод “Тэнгэрийн дуут” хэмээх цолыг хүртэж зөгнөх ба ёрлохын шид нь арвидсан гэдэг ч ордны тайгад, шивэгчид голдуу хүмүүс түүнийг “Ховч шар” хэмээн далдуур гоочилдог билээ. Тэрхүү алдар ба хочыг давхар хүртэгч гуулин хонх өөрийн зөнгөөр өнхрөв үү, өрөөлийн түлхэлтээр гулгав уу ямартай ч өндөр хөлт зандан ширээнээс хальж гантиг чулуун шалан дээр их дууг хадаан ойход хаан бээр цочин өндийж хар дарсан зүүднээсээ сая хагацав.
Унтлагын өргөөний царс модон хүнд үүд аажмаар хаагдах зуур хэн нэгний хормой хүчит салхинд аргалын турьгүй утаа үлээгдэн саринах мэт замхрахыг анзаарсан ч одоо хүртэл зүүдэлсээр бусуу хэмээн эргэлзээд үнэн ба худал эсэхийг үл ялгажээ.
Ордны өмнөх талбайг тольдох өндөр том цонх бүхий “Бат амгалангийн танхим” нэрт уужим тасалгааг урд шөнө сонгон нойрсон ч тайван амгаланг амтлалгүй хар даран сэрсэн Хаантан хөлөрч норсон гараа салгалан чичрэхийг гайхан харж цонхны зүг хялам хийснээ орны толгойн тус байсан мөнгөн таягийг шүүрч элгэндээ тэврээд “Хүн байна уу?” хэмээн байдгаараа ориллоо.
Түүний дуудахыг хэдийнээс хүлээж байсан мэт хатан, жонон, шадар сайд гурав хамгаалагч цэргүүдтэй зэрэг уралдан орж ирвээ.
“Муу ёрын зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу очирт таягийг минь шүүрч одоход цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав хэмээн зүүдэллээ. “Тэнгэрийн дуут” хонх түүнийг батлах мэт газарт өөрөө унасан хэвтэхийг харж байна уу, та нар? Уулын удганг яаралтай авч ир. Зүүднийхээ учрыг тайлмаар байна. Яг одоо элчийг илгээ” хэмээн хаан тушаагаад исрийн хөлд хэвтдэг эрх хаваа сонжвол сэрвээнийх нь үс босчихсон “Тэнгэрийн дуут” хонхыг айсан дүртэй ширтэж хэвтээ харагдав. Хааны сэтгэлд тэр нь муугийн тэмдэг болон тусчээ.
“Түүнийг хаа нэг тийш сураггүй одсон гэж хэлцэх болсон байналээ. Эрж олоод авч иртэл даруй хэд хоногийн ажил үүсэх биз. Тэгэж түвэг удах хэрэг байна уу? Дэргэдийн ламаар төлөг буулгавал ямар вэ?” гэж хатан зөөлөн дуугаар учирлав.
Шадар сайд “Хатан тун зөв санаа хэллээ. Тэгээд ч тэр хараалч удган манай ламтай ижил тайлал хэлэх байлгүй. Би одоохон зардас явуулж ламтанг залж ирүүлье” гэсэнд хааны тэвчээр алдарч түүний зүг чичлэн “Миний хэлсэнг дүүгүй үйлд. Одоо та нар гарцгаа” хэмээн тушаагаад эргэж хэвтэв.
“Та цагаан шонхор шувуу зүүдэлжээ. Хамаг Монголын сүлд бусуу? Хэдий аюултай дайсан ч Хотала хаанаас хойш тэд хаангүй болоод бутарч байгаа хойно Тангад шиг хүчирхэг улсын эсрэг хэрхэн дайлан тэмцэх билээ” гэсэнд хаан хариу дуугарсангүй.
Хатан нүд ирмэн шадар сайдын үгийг таслаад үүд рүү дохисонд тэд бүгдээр “Жа, тэгье. Та сайхан амар унтаа” гээд гарч одов.

Тангадын Хар хот хэмээх нь хялгана бударганд хучигдсан том том үхэр хадтай уулын нөмөрт тэг дөрвөлжин хэлбэртэй чулуун хэрмийн дотор оршдог билээ. Тэрхүү хэрмийн дөрвөн буланд бусдаасаа өндөр том сувраг тус бүр нэг нэг байх нь хашааг даган цуврах бусад хэдэн суваргаас илт сүр бараатай дүнхийнэ. Тэдний нэгнийх нь оройд өвгөн бүргэд бөгцийн суугаад орчныг сонжин байлаа. Хааны өлмийд эрхлэн хэвтсэн бяцхан хавнаас өөр тэр бүргэдийг анзаарсан нь үгүй бөгөөд гөлөг ч тоож түүний зүг боргосонгүй.
Ордны хашаанд хар үүрээр түжигнэсэн мужааны ажил нар тонгойход сая өндөрлөжээ.
“Хааны таалалд зориулан тоглох жүжгийн тайз бэлэн боллоо” гэж тайганууд ам дамжуулан хашгирсаар хааны сонорт хүргэв.
Хаан “Танай урчуулын бүтээлийг үзье. Хууч үгэнд “Мужаан арвидвал байшингийн нуруу хазгай болно” гэдэгсэн” гээд цонх руу очиход “Тийм үг бий. Та байнга л сургамжит зүйрлэл сонгон айлдах юмаа” хэмээх сайд зусардлаа.
Хаан “Шадар сайд минь, та намайг байнга хөөргөх юм. Тангадын “Магтаж байж махыг нь иднэ. Аргадаж байж амийг нь авна” гэдэг үг ч бас ортой шүү” гэвэл “Жа, тийм ээ. Үнэн үг юмаа” хэмээн бувтнав.
Мужаанууд жүжгийн тайзнаас гадна үзэгчдийн суудал, зогсож үзэх газрыг хүртэл тооцон зассан байлаа.
Бие ядруу байгаа Хааныг хол алхуулахгүй гэж ордны өмнөх өндөр тавцан дээр сэнтий засчээ. Сэнтийний хоёр талд байрлуулсан өргөн олбог дээр хатан, жонон хоёр хэдийнээ ирж тухласан харагдана. Ордны ихэс дээдэс, тэдний гэр бүлийнхэн ч уван цувсаар тавцангийн гишгүүр дээр тавьсан модон суудлыг дүүрэглээ.
Ордны хоёр жигүүрээс тайзны хоёр талд хүртэл майланган олсыг татаж хооронд ижил зайтай зоосон хэдэн оготор савааны оройг дамнуулан тохсон нь түүнээс дотогш хүн нэвтрэхийг хориглосон тэмдэг ажээ.
Энгийн ардууд тайзан дээрхийг тодорхой сайн үзэхийг хичээхдээ хоорондоо маргалдан, түлхэлцэж урд хойноо оровч хил болгон татсан зэлээс дотогш хэрхэн нэвтрэн орж зүрхлэх билээ. Бандгар зузаан баячууд, ганган хээмсэг эмс, идэр чийрэг эрчүүд нүүрний эгнээг эзэлжээ. Ноорхой борчуул тэдний араас өндөлзөж, буурай ядруу хөгшид, халтар бултар жаалууд тэр хүрээний гадуур холхино.
Олны дундуур эрэмгийлэн зүтгэх үзэсгэлэн төгөлдөр залуу охиныг хүн чинээ үл тоон тохойноос нь угз татан гэдгэр гаргаад оронд нь өөрөө чихэж орсон чөргөр хөх өвгөнийг бүсгүй илт гомдож хорссон нүдээр хялаан харлаа. Бүсгүй түүнд зохих гашуун үгийг олсон ч нүүрнийх нь урдуур дүнгэнэн ниссэн батганыг хараад санаагаа өөрчлөв. Ялааг шалмаг шүүрч атгаад гарлуугаа хүчлэн үлээсэнд өнөөх нь өвгөний нүдэн дээр очиж мэргэн туслаа.
“Нүдэнд ялаа баалаа. Би юу ч харахгүй байна” хэмээн бархирсаар гүйж одсон өвгөнийг хавийн хүмүүс шоолон инээлдэх зуур охин бушуухан түүний байрыг эзлэжээ. Залуу бүсгүйн овжин үйлдлийг шивэгчин эмгэн нь анзаарч охины хотгор гоо нуруу руу зөөлөн нудраад тэнэг өвгөнийг тохуурхан инээв.
Бартаг хийцтэй модон зэлнээс эгнүүлэн зүүсэн олон хонхноос их дуутыг нь сонгон дэлдээд “Хаан эзэн заларлаа. Хүндлэн ёслоцгоо” хэмээн гэсгүү лам зандран зарлав. Тийнхүү зарласны цуурай замхарч амжаагүй шахам байтал ордны их үүд дэлгэгдэж ганган хээнцрээрээ нэртэй Ли Циан Шун хаан, шадар сайд По Чао хоёр түмний мэлмийг гийгүүлэн гадаалсанг хэлбэл ший янгуун жүжигчдийн гял цал хувцас чимэглэлийн өнгийг ч дарахаар ажээ. Хааны сүрд биширсэн түшмэд, албаны дээдэс болоод тэдний бараа бологсод өвдөглөн сөгдөөд мэхийн ёслов.
Цугласан олныг хүрээлсэн цэргүүд жанжиныхаа тушаалаар зэр зэвсгийг хангинуулж жигдрэн жагсах зуурт харц ардууд хэдийнээ хөсөр сөхрөн унаад духаа газарт хүргэн ёсолсон байлаа.
Тухайн цагийг эзлэн тодорсон их хаан тийнхүү сэнтийд залраад гараа даялан дохисонд Цастын орны эзэн хаан олон ардтайгаа хариу мэндлэн ёсолсон болохыг илтгэх харангыг дэлдэв.
Хүмүүс түүний дараа бужигнан өндийж өмнө эзэлсэн байраа олохоор үймэлдэж байх зуурт тайзан дээр шаазан мэт гялгар нүүрт Япон дууч бүсгүй гарч ирээд Шинто шашны номлолоос иш татан намуухан аялав.
Хатан хаан шадар сайд руу сэм зангасанд тэр бээр хаанд ойртож “Эзэн минь, жүжгийг одоо эхлүүлбэл ямар вэ? хэмээн шивнээд тэр хүн таны тушаалыг хүлээж байгаа юм” гэж тайзны хажууд бөгтийн зогсоо өвгөнг заалаа.
Сүрдэж догдолсон харцаар өөрийг нь ширтэх хөгшний зүг хаан алтан хуруувч бүхий ядам хуруугаараа дохив.
Өвгөн духаа өвдөгтөө хүртэл тонгойн хариу ёслоод дууч бүсгүйд “Дуулахаа зогс” хэмээн тушааж тайзны хөшгийг тэлэн нээсэнд ширэн царт том хэнгэрэгийг бөмбөрчид нижигнүүлэн дэлджээ.
Өвгөн “Тангадын их хааны таалалд “Сартай шөнө сакуран цэцэглэгт учирсан хоёрын түүх” хэмээх Япон ардын үлгэрийг жүжиглэн үзүүлэхэд бэлэн боллоо” хэмээн зарлав.
Хаан жүжгийг ихэд таалан сонирхож өвчнөө ор тас мартаад дайн тулаантай хэсэгт ялалт байгуулан буй баатарлаг явдлыг үзэх бүртээ “Сайн, сайн” хэмээн бахдан хөхөрч сахлаа илбэж суув.
“Хэдэн тэнэмэл Япон хүн манай нутагт элдэв илбэ үзүүлж явааг дуулаад Хаан таны таалалд зориулан тэднээр жүжиг тоглуулах санаа олсон минь зөв болжээ. Та эдний тоглолтыг ийнхүү таалан сонирхож буйг үзээд миний сэтгэл цэлмэж, санаа амрав. Хатан хүртэл ихэд тоогоод баяртай байгаа бололтой” гэж По Чао түшмэл зусардлаа.
“Сайн, сайн. Чи тун зөв санаа сэджээ” хэмээн хэлээд хаан түүн рүү мишээн гийгүүлэв. Шадар сайд үүнд ихэд урамшсан тул одоо холд, битгий саад бол гэсэн утгаар дохисон хааны тушаалыг тун ялдмаар хүлээн авч хойш зогслоо.
Хаан жүжгийг бахдан үзэж сууснаа өөрийнх нь амьдралыг тавлах мэт үзэгдэл гарсанд дуу алдан ёолж нүүр буруулжээ. Үүнийг анзаарсан По Чао түшмэл гартаа атгаж явсан гуулин хос бөмбөгөө тайз руу чулуудан тоглолтыг зогсоов.
Тэр Ван Ли, Фан Фан хэмээх хоёр цэргийг дуудан хаантанг түшүүлж өргөөнд нь оруулсанд “Миний алдаа эндлийг энэ хэд элэглэж байна бишүү” хэмээн хаан бачимдан хашгирчээ.
Энэ хооронд хөөрхий жүжигчид юу болоод буйг эс ойлгож дэмий л салгалан чичирч зогсов.
Бухимдаж уурласан По Чао сайд нүдээ хилэнтэй эргэлдүүлсээр өргөөнөөс гарч ирэв. “Хаан эзэн гэнэдэж талын зэрлэгүүдэд хорлогдон шархадсанг та хэд мэдээд тавлаж байна гэнээ? Хааны сэтгэлийн шархыг хөндөж орхилоо доо. Одоо биеийн шарх нь сэдэрвэл би өөрийн гараар та хэдийг цаазлах болно” гэсэнд жүжигчдийн зүрх амаараа гарах шахжээ.
Өвгөн жүжигчин түүний өлмийд сөхрөөд “Бид таны тушаалыг дагаж хааныг баясгахыг хүссэн билээ. Түүнийг хэрхэн шархадсанг огт мэдэхгүй. Өчүүхэн бидний амийг өршөөгөөч” хэмээн бувтнав.
“Эднийг Хааны зарлиг хэрхэн буух хүртэл харгалзан шоронд хий” хэмээн тушаав.
Жүжиг үзэхээр цугласан улс хааныхаа ярдаг ямаан аашийг андахгүй тул нүдэнд нь өртөж гай болохоосоо өмнө тэгсгээд тарж оджээ.
Тэнэмэл жүжигчид “Аугаа их Тангад улсын эзэн хааны сэтгэлийн шархыг өчүүхэн бидний жүжигчид хэрхэн санаатайгаар доргион хөндөж зүрхлэх билээ. Энэ бол Японы эртний домог үлгэрийг үзүүлсэн жижиг шүү дээ. Бид ямар ч буруу санаагүй хүмүүс. Биднийг өршөө. Хаан эндүүрчээ” хэмээн орилолдсоор явлаа.
“Эзэн хааныг үлгэр ойлгохгүй тэнэг гэсэн үг чинь та хэдийн ялыг улам хүндрүүлэх шалтгаан болно доо” хэмээн түшмэл тохуурхан занаж байв.

“Бид тэр жүжгийг дэмий тогложээ. Одоо эндээс мэнд мултрах ч өнгөрсөн байх даа. Японы эртний үлгэр гээд байхад саяхан болсон явдалтай холбож сэжиглэх нь даан ч гомдмоор” хэмээн Хироши хэмээх залуу шогшров.
“Монгол ноёны зохиож, бэлдүүлсэн жүжигт ийм гай байгаа гэж мэдсэн бол юу гэж та хэдээр тоглуулах билээ. Тэр хүн биднийг хорлож орхив. Ядахад үлгэрийн явдлыг өөртөө тусгаж сүржгэнэсэн ямар эмзэг золиг вэ, Тангадын хаан?” гэж жүжгийг найруулан бэлдүүлсэн Таро бувтнав.
“Хаан хүнийг тэгэж хэлэх нь алдас. Хэдүүлээ Аматэрасу бурхандаа залбираад Тангад хааны таалал лүндэн хөнгөн буугаасай гэж хүсэхээс өөр арга алга. Ёс зүйг хаа ч даган мөрд гэж Шинто шашин сургадаг биз. Иймд зарлиг хэрхэн гарахыг хүлээе” гэж жүжиг нээсэн өвгөн хэллээ.
“Дуугүй бай тэнэмлүүдээ. Удахгүй тонилохыг хооронд юугаа чалчаад байгаа юм. Амаа хамхи” хэмээн харуулын цэрэг гаднаас зандрав.
Хироши “Тангад, Монгол хоёр тулалдвал хэн нь дийлэх бол?” гэсэн хачин асуултыг шивнэн нийтийн дунд тавив.
“Бидний хэлцэх асуудал энэ огт биш. Харин Тангадын нутаг руу явахад их зоос өгч энэ жүжгийг бэлдүүлсэн Монгол ноёны санаа тодорхой байна. Биднээр дамжуулж Тангадын цэргийн хүч сул гэдгийг сануулж басан доромжилж байгаа хэрэг бололтой. Иймд шинээр сурсан жүжиг биш Япон ардын үлгэр гэсэн чигээрээ дуусна шүү” өвгөн бусдадаа анхаарууллаа.
Бөмбөрчдийн нэг нь “Ерөөсөө энэ жүжгийг тоглохгүй өөр юм үзүүлсэн байхад Монголчууд мэдэхгүй л байсан байхдаа” гэж гунигтай хэлжээ.
Өвгөн “Үзэгчдийн дунд тэдний хүн байж л байгаа. Харин бид энэ хоригоос эсэн мэнд мултарч чадвал Монгол нутгаар чөлөөтэй хэрэн тэнэх эрхээр шагнуулах байх даа” гэж итгэлтэй хэллээ.
Айсандаа дагжин чичрэх залуу бүсгүй кимоногийнхоо ханцуй дотроос нямбай эвхсэн цаасан боодол гаргаж задлаад чимх давс авч үүд рүү шившин цацангаа “Та хэд аяархан яриа ч дээ. Гуйя, гадаа байгаа цэргүүд дунд Япон хэл ойлгодог хүн байвал яанаа. Тангадын хаан дайн тулааны хэсгээс илүү ордны амьдрал үзүүлэхэд сонирхоод байсан. Уур хилэнгийн учир тэндээс л гарсан юм” гэж шивнэв.
Өвгөн “Тийм шүү, Харукогийн хэлдэг зөв. Үгээ сайтар шинжиж дуугар. Эсвэл бүү ярь. Харуко чи надад хэсэг давс өгөөч” гэж аваад шороотой хольж үүдний хоёр талд суврага хэлбэртэй дүрс шомбойлгов. “За ингэж домноод үзье. Япон орны минь давсаар бүтээсэн энэ хоёр уулыг муу зүйл бүү даваг” гэжээ.
“Эмэгтэй хүн ажигч тул яг ямар хэсэгт тэр догдолсон бэ?” гэж Фуживара овгийн хүн сонирхов.
Харуко өөрийг нь ажигч хэмээсэнд баясан мишээгээд “Хатан нь Хааны суудлыг булааж Шадар сайдтай садарласнаас гарсан хүүдээ өгөхийн тулд түүнийг хорлохоор бэлдэж буй хэсэг дээр л нүд нь хурцлаад ирэхийг би анзаарсан. Би хатны санааг сайн харуулсан юм байлгүй” гэж шивнэв.
Самуурай гаралтай Таро гэгч эр “Бидний хувь заяа тодорхой. Эд биднийг цаазлах нь гарцаагүй. Иймд юу хүссэнээ хэлцэж байгаад үхье. Би хэзээ ч номхон үхэхгүй, тулалдаж үхнэ” хэмээн чангаар хэлэхэд нөхөд нь түүнийг аргадаж тэвчин хүлээхийг шивнэн ятгалаа.
Төдөлгүй шоронгийн үүдэнд хүмүүс үймэлдэхэд Япон эрчүүд алцайн зогсоотайд царцсан мэт хөдөлгөөнгүй болж чихээ дэлдийлгэн амаа ангайлган гадагш чагнахад Харуко чихээ таглаад буланд суув.
“Хаан Япончуудыг суллан явуул гэсэн зарлиг буулгалаа” хэмээн Тангад хэлээр хэн нэгэн хэлэхийг сонссон Япончууд мэл гайхан ширтэлцэв. Тэднийг тийнхүү эргэлзэж зогстол цэргүүд орж ирээд шоронгоос үг дуугүй хөөн гаргажээ.
Жүжигчид цаасан тайзаа бушуухан эвхэж хөгжим хэрэгсэлтэйгээ цуг хэдэн илжгэн тэргэнд хам хум ачаад арилж оддогийн даваан дээр шадар сайд По Чао морилон ирлээ. “Та муу тэнүүлчдийн өчүүхэн амийг би л аварлаа. Хаан эзнээр өршөөх тушаал гаргуулсан миний тусыг мартаад “Баяртай ч” гэлгүй явахнээ?” гэв.
Тэрэгнээс өвгөн яаран бууж тонголзон ёслоод суудал дороо нуусан модон хайрцагийг авч тагийг нээвэл дүүрэн алтан зоос байлаа. “Ёс алдав. Бид таны ачыг яахан мартах билээ. Амьнаас үнэтэй эд гэж үгүй. Үүнийг танд өргье. Байгаа л бүх хөрөнгө маань юм” хэмээхдээ мөн ижил өөр нэгэн хайрцгийг амжиж далдлав.
Шадар сайд гоёмсог хайрцагийг булаах мэт авч богцондоо хийгээд “Та хэд одоо зайлцгаа. Дахин таарвал өршөөлгүй шүү” гэж занасанд өвгөн тэргэндээ үсрэн суугаад илжгээ гуяджээ. Замдаа “Бушуухан арилж одъё. Биднийг энэ хүн биш өөр хүний ятгалгаар өршөөсөн ч байж мэднэ. Тангадын хаан зарлигаа гэнэт өөрчлөхийг хэн үгүй гэхэв” хэмээн үглэж явав.

Хаан тэр өдрөөс хойш чилээрхэж хэвтэрт оржээ.
Хар хотын дээр цэг төдий үзэгдэж байсан өвгөн бүргэд алсад босох өлөн тоосны зүг харц сунгалаа. Хээрийн замаар арваад морьтон яаран шогшуулж айсуй.
Урт хулсан жадныхаа оройд гурван салаат шар дарцаг намируулан яваа тэднийг хэн ч харсан хааны буухай элчүүд байна хэмээн шууд таних билээ.
Элч нарыг тэргүүлж яваа баатар эр ордны бараа тодормогц дөрөө жийн өндийж гэдрэг хараад “Хаан амь тэмцэн хүлээж байхад олигтойхон шогшооч. Наад удганыг чинь бушуухан хүргэж очих зарлигтай яваагаа мартаагүй биз. Морьдоо давир” хэмээн зандарлаа.
Ганц хүн суулгаж зөөх хөнгөн сүүх тэрэгний гуя нэн урт тул тэгнэн яваа морьдын урд хойд тал руу дэлэм хэрийн ёрдоох аж.
Тэрэгний яг ард явсан хүн сайх баатарын тушаалыг дуулаад арын морийг ташуурдаж орхисонд цочиж хурдлахдаа өмнөө явсан хэдийн нэгнийх нь морийг тэрэгний ёрдгор гуяар хатгажээ. Үрэгсэн мориноосоо золтой л ховхролгүй тэнцэж үлдсэн тагдгар эр морьдын явдлыг тохируулахаар тэвдэж явсан хөтчийг буруутган хялайснаа амандаа хараал хэлээд морио гуядан холдов.
Түүний харцнаас айсан турьгүй туранхай хөтөч морьдынхоо явдлыг засахаар хичээж байх зуур дүрсгүй эр арын морийг дахин гуяадсанд догшин баатрын морийг тэрэгний гуяар дахин хатгажээ. Тарган баатарын уур энэ удаад дүрсхийн аслаа.
Тэр “Чи муу золиг яасан их түрдэг дамшиг вэ? Урдаа яваа хүнийг харахгүй байна уу чи? Дайраад унагачихмаар санагдаад байна уу?” гээд шүд зуун занав.
“Хушууч ноёнтон “Түргэн хөдөл” гээд байгаа юм биш үү?” гэж хөтөч дорой дуугаар жонгинов. Тарган эр “Амаа хамхи, туранхай турсага минь” гээд ташуураа далайсанд хөтөч далидарч морьдынхоо жолоог татснаар хурд саарлаа.
Тагдагар тарган баатар төдөлгүй тайвширсан байтал түүнд жөтөөрхсөн хөтөч араас нь элэглэн шоолж хүзүүгээ нугдайлган гараа огшойгоод таахаг таахаг хөдлөж толгойгоо сэжлэн алиалсанд хойно явсан эрс тэсэлгүй хөхрөлджээ. Тарган эр тэдний инээдийн учрыг дорхоноо сэжиглэж орхив. Тэр уурлаж богино жадаа хуйнаас нь сугалаад хөтчийн мөрийг онохоор гэдрэг чулуудсанд цаадах нь шалмаг бултжээ. Жад сүүх тэрэгний хөшгийг нэвт цохин орсонд хойно явсан хэд мэгдэж дуугаа хураав.
Яг тэр агшинд сүүх тэргэнд онгод нь орон чичирч суусан удган хөшиг нэвтлэн орж ирэх жадыг совингоороо мэдрээд огцом гэдийх зуураа баруун гараа шалмаг өргөж жадыг атгаж амжлаа. Хөгшин удган нүүр халхалсан багныхаа цаанаас жадыг сэжиглэн ажаад хажуугийн цонхоор гаргаж чулуудсанд газарт түг хийн зоогдож хоцров.
Элч нарын ахлагч тэдний явдлыг дор нь ойлгоод “Наад удганаа амар мэнд хаанд хүргэж үзээрэй дээ. Ширхэг үсийг нь хөндсөн хүнд ямар ял тулгахыг мэдэж л байгаа байлгүй та хэд” хэмээн заналтай хэлэхэд цэргүүд нь “Мэдлээ” хэмээн зэрэг хэлжээ.

“За, тэр харав уу? Ээжийг чинь залсан элчүүд ирж явна. Намайг ордны цонхонд ойр бай гэж удган захисан юм. Бушуу дөхье” гэж шивэгчин эмгэн хэлээд ордны зүг хазганахад дэргэдэх залуу бүсгүй нь дурамжхан дагав. Сайтар ажвал хэд хоногийн өмнө дүрсгүйтэж үл таних өвгөний нүд рүү ялаа үлээсэн охин байлаа.
Элч нарын тэргүүн ордын гадаа ирээд мориноосоо үсрэн бууж цулбуурыг нь агтчинд атгуулав. Тэр хааны өргөө рүү яаран алхахад хөтөч эр мөн явгалаад сүүх тэрэг тэгнэсэн морьдоо хөтлөн түүнийг дангажээ. Баатар эр ордны үүдэнд очоод удганыг хүндлэн тохойноос нь түшиж тэрэгнээс буулгаад дотогш дагуулан орохыг тэнд цугласан сониуч хүмүүс харц салгалгүй ажиглаж байв.
“Удган ордонд иржээ” хэмээн зарлах тайганы дууг сонсоод исрийнхээ толгойг налан хэвтэж байсан Тангадын хаан шалав хийн өндийж биеэ цэгцлэн засахыг хараад хатан нь дургүйцэн ширэв татлаа.
Баатар эр өргөөнд ороод удганы зүг дохисонд цаадах нь хааны өлмийд сөхрөн унав.
“Алив чи, тамгаа харуул” гэж хаан тушаасанд удган толь, хонх сэлт зүүсэн хүнд хуягаа харжигнуулан чирсээр мөлхөж очоод толгой сэжин гивлүүрээ ярж царайгаа ил гаргажээ. Түүний цэлдэн хөхөөр будсан нүүр огт үрчлээгүй залуу хүнийх мэт харагдсанд хаан гайхлаа. Удган хэлээ гаргаж, хоёр гарын эрхий хурууныхаа өндгийг хаанд үзүүлэв. Түүний хэлний үзүүр, эрхий хурууны өндөгнүүд дээр хар домын тэргүүн зэргийн удганг батлах дүрс үсгийг хар бэхээр тод шивсэн байлаа. Хаан “За, боллоо. Одоо тэмдэгээ нуу” гэсэнд удган хуяг дотроо нуугдах яст мэлхий мэт нөмрөг дотроо шургаад тугдайжээ.
Хааны дэргэд газар дэвссэн олбог дээр залрах ордны оточ лам удганы тэмдгийг хараад ярвайн гэдийхэд шавь нь түүний хүзүүг нь базлан хуян хөөрлийг нь дарав. Энэ лам хааныг эмчилж буй ч илт сэргээн өндийлгөж чадаагүй тул хөгшин удганг залсан хэмээн хардах тул дурамжхан байжээ.
Хаан “Чи миний дайчдын зоригийг бадрааж дайсны сүрийг дарахаар онгодоо дуудан хараал жатга хийж, тарни шившлэг уншин олонтоо тусыг үзүүлж байв. Харин энэ удаад Хаан миний биеийг эрүүл болгохын тулд сахиусаа зал” гэв.
Удган “Хаан таны алдар сүр улам бадраг. Тангадын дайчин эрсийн өндөр сүлд хийморийг өчүүхэн удганы шившлэг тарни юугаар гийгүүлэн базаах билээ. Жишвэл их далай дэргэд мэлтэгнэх бяцхан булаг төдий юм даа” гэхэд хаан түүний даруу үгийг таалан сонсож байлаа.
“Чиний хэлдэг зөвөө. Миний баатруудын хийморь нь үргэлж бадарч байдаг билээ” гээд хамгаалагч цэргүүдээ бахдан харахад хианууд нь нурууг цэхлэн бардмаар гэдийв. “Гэхдээ чиний тарнийн хүч багагүй болохыг би олонтоо туршсаан. Надад түүнийгээ дахин нэг батлаад орхи” хэмээв.
Удган тэргүүнээ аажим өндийлгөж хааныг өлийн шинжээд “Хаан таны лагшин ихэд чилсэн байх юм. Юунаас болсон учрыг хэлж болгоогооч” гэлээ.
Хатан суудал дээрээ хавчганаад “Чамайг өнгөрсөн ба ирэх арван хоёр жилийн өнгийг хэлдэг, хараал жатгын эрдэмд төгс, нулимах төдийгөөр хүн амьтанг үхүүлэх шидтэй, өвчин хуучыг үлээж долоогоод л эдгээдэг гэлцэх юм. Тэр эрдмээ харуулж хааны лагшин ийм болсны учрыг өөрөө олж мэд” гэж зандрав.
Удган цочсон муур мэт агдас хийн эргэж хатныг хараад “Хаан эзэн Хамаг Монголтой тулалдахаар явахдаа надыг дуудахад хөрөнгө зоосоо харамласан та дайсны эсрэг өөрөө хараана гэж миний үйлийг зогсоосон билээ. Таны тарни хаанд тус болсонгүй бололтой” гэв.
Хатан суудлаасаа цовхрон босч удганы дэргэд очоод “Би хэдийгээр чиний төрсөн дүү ч Хатан хаан, гэтэл чи бол ердөө л боол. Миний өөдөөс хэдэрлэж зүрхлэнэ гэнээ. Бид нүүр тулан уулзалгүй арван хоёр жил болсон байна. Энэ хугацаанд би хар тарнийн увьдаст чамаас дутахгүй суралцсан юм шүү” гэлээ.
Хатан тугдайн хэвтсэн удганг тойрон ажиглаад “Харин нэг зүйлийг чи надаас илүү сурсан гэлцэх юм. Мөнхийн залуу байлгах ундаа найруулж чаддаг гэв үү. Алив харъя” гээд мөнгөн дэвүүрээр удганы гивлүүрийг сөхөж багийг нь хуулжээ.
Цэвэрхэн царайтай залуу бүсгүй өөдөөс нь дүрлийн ширтэхийг үзсэн Хатан хаан “Тийм байна. Ийм байх ёсгүй” хэмээн дуу алдав.
Хэрэгт дуртай ламтан бясалгах мэт төв царайлавч удганы залуу сайхан дүрийг нүднийхээ булангаар сэм ажаад гайхсандаа амаа эрээгүй ангайн мэлрэхэд удган түүнрүү царайгаа хөгшин дүрд хувирган ярвайжээ. Лам цочиж “Ум мали мусмали хум пад” хэмээн уулга алдаад шавьдаа “Хэлээгүй юу би чамд. Наадах чинь чөтгөр байна” хэмээн шивнээд ухасхын босч одсонд шавь нь ум хумгүй дагав.
Хаан бухимдаж “Наад дэмий яриагаа орхи” хэмээн Хатныг зэмлээд “Удган чи миний биеийг бушуухан тэнхрүүлээд өг. Хэд хоногийн өмнө Хаан төрийн очирт таягийг цагаан шонхор шувуу шүүрэн одсонд цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав хэмээн зүүдэллээ. Юуг зөгнөв хэл” гэж зарлигдаад гэдрэг хэвтжээ.
Удган цээжээ хэржигнүүлэн чичирч хэвтсэнээ үсрэн босч хэнгэрэгээ дэлдэв. Тэр гэнэтхэн бар мэт дуугаар ордонг доригтол хүрхэрсэнд хүмүүс давхийн цочлоо. Учир нь хараалч удган онгодоо дуудахдаа хүний амийг золиос болгодог гэж дуулсан тул түүний аманд өртөхөөс айж байжээ.
Удган тайвшрах мэт сөхөрч суугаад хэнгэрэгээ зөөлөн тоншиж өөрийгөө чагнан байснаа хүйтнээр хөхрөөд “Хаан таны амьдралын зам мөр мухардсан байна. Утсан чинээ улаан амь чинь тасрах бол юу ч биш улс гүрэн Тангад чинь мөхөх цагтаа тулжээ” гэж сөөнгө өвгөн хоолойгоор гашуудан өгүүлээд сармагчин мэт бархирч өндийснөө гэдрэг савж уналаа. Ухаан алдан тэрийж хэвтээ удганы нөмрөг сөхөгдөж шулуухан чийрэг хөл нь ил гарчээ. Хаан хамгаалагч хиагийн зүг дохисонд цаадах нь жадаа сунган бүсгүйн хөлийг нөмрөгөөр нь хучив.
Хатан түүнийг хараад “Хаан та удганы хөлийг юунд тэгтэл сүрхий анхаарав? Үүний бие нь царай шигээ залуугаараа байна шүү. Эрчүүд үхэж байхдаа ч эмсийг сонждог юм байх даа. Аль эсвэл эрт баларсан явдлаа эргэж дурсаа юу?” гэж ёжлов.
Хаан бодолд дарагдан сууснаа “Хатан та үгээ бодож айлдаарай” гэжээ.
“За, миний хэрэг энд үгүй бололтой. Яавал түргэн эдгэж босох талаар наадахаасаа сайн лавлаарай. Надаас цэрвээд байгаа бололтой энэ удган. Би бушуухан зайлж үзье” гээд гарахдаа дэвүүрээрээ дохьсонд шадар сайд хатны араас дагажээ.
Удган сэхээ ороод өндийн суув. Хаан бахардан уурлаж “Чи намайг тэнхрүүлэхийн оронд элэглэн баалж, сайн үгээр ерөөхийн оронд саар муугаар зөгнөн хараана гэнээ. Үүний чинь хариуг чамд хатуугаар өгөх болно” гээд үүд манан зогсох хоёр цэрэгт “Үүнийг нүднээс ангид, чихнээс сураггүй болго” хэмээн тушаав. Бухимдаж ууралсандаа хүндээр амьсгаадах хааны амнаас цустай шүлс урсан гарсан байлаа.
Цэргүүд удганыг гулд татан чирсэнд “Үхэх хүний үгийг сонс гэдэг биш үү. Надад хэлэх үг байна” гэж удган бархирав. Хаан “Бушуухан сүүлчийн үгээ хэл” гэжээ.
“Надад зөвхөн танд хэлэх үг бий. Энэ хүмүүсийг эндээс гарга” гэж удган шаардлаа.
Хааны дохисноор түүнд бараа болж байсан хүмүүс гарсанд ганц хиа үлджээ. Хаан түүнд чихээ тагла гэвэл цэрэг чихээ алгаараа дарав.
Удган хаанд дөхөөд шивнэн “Жонон бол таны төрсөн үр биш. Шадар сайдын чинь хүү. Харин миний охин бол төрсөн ганц хүүхэд чинь юм шүү” гэжээ. Хаан үүнийг дуулаад цочин хамгаалагч цэргээ харвал тэр хүн туйлын үнэнч тул огт юм дуулсан шинжгүй хааныхаа тушаал дохиог хүлээн чихээ дарсаар зогсож байлаа.
“Наад тэнэг үгээ чи өөр хүнд хэлсэн үү?” гэвэл “Би охиндоо ч хэлээгүй. Хатан, сайд хоёр чинь цаг нь болохоор Жононд хэлэх биз. Харин хаан та одоо үүнийг мэддэг боллоо” гэжээ. Хаан хилэгнэн “Урт хэл чинь хүзүүгээ ороож орхилоо доо. Уг нь би чамайг занчиж шийтгээд хөөж явуулъя гэж бодсон юм. Харин одоо чамайг амьд үлдээх аргагүй боллоо” гээд гаднаас цэрэг дуудаж ирэхийг хиадаа дохин тушаав.
Хоёр булиа цэрэг ирж хөөрхий удганг үнэг шүүрэх бүргэд адил хумин базаад үүд рүү зүглэсэнд удган амь тэмцэн тийчлээд “Намайг тавиад орхи. Надад хэлэх бас нэг чухал зүйл байна” хэмээн чарлажээ. Хааны зүг эргэлзэн ширтэх цэргүүдийн гар сулармагц удган самбаачлан мултраад хааны өмнө сөхрөн “Хаан минь таны зүүдний тайлалыг хэлье. Хаан төрийг чинь мөхөөх баатар эр хорвоод мэндлэх гэж байна. Түүнийг хэрхэн хаанаас олж тонилгох талаар та мэдэхийг хүсэхгүй байна уу?” хэмээсэнд хаан “Чи зөвхөн тэр талаар үгээ хэл” хэмээжээ.
Удган “Салхийг эзэмдэгч Очирвааний хувилгаан төрөх гэж байна. Гартаа нөж атган хорвоод мэндлэх тэр хүү чиний заналт дайсан мөн. Миний амийг өршөөвөл би түүнийг өчүүхэн байхад нь олоод хөнөөж орхино. Хэрэв намайг хөнөөвөл түүнийг дийлэх хүн үгүй болно. Түүний хүчийг нэмэх түшиг, үнэнчээр хамгаалах хүн бол түүний дүү байх юм. Тэр галыг эзэмшигч загалмайтны элч тул түүний заасан зүгт түймэр тарьж явна. Тэд Тангадын төрийг мөхөөх хувь тавлинтай ажээ” гээд хүйтнээр хөхрөв.
Хаан “Бүгд худлаа байна. Миний хүчирхэг төрийг хэн ч дийлэхгүй. Тэр тусмаа тарж бутарч буй Монголчууд гэвэл бүр худал. Бузрын хараалч удганы толгойг ав” хэмээн бахардан хашгирч тушаалаа.
Удган нөмрөгнөөсөө зүүлттэй элдэв зүүлсээс нэгийг нь угз татан тасалж аваад хааны хөл дор шулуудав. Тэр нь хүүхдийн сөөхийнд зүүдэг гуулин хонх байлаа. Нэг цэрэг түүнийг хаанд авч өгсөнд өөрийнх нь багадаа зүүж явсан хонх болохыг таниад гайхсан хаан гүнээр санаа алдав.
Энэ зуурт удган өөр нэгэн зүүлтийг тасдан цонхоор гадагш чулууджээ. Түүнийг хааны хөлд эрхэлж хэвтсэн хав анзаарч өндийтөл удган догшин харцаар ширтсэнд айсан гөлөг ган хийлгүй эргэж хэвтэв.
Гадаах хүмүүс ордонд үүсэх үймээн шуугианыг анзаараад сонирхож эхэлсэнд цэргүүд тэднийг жадаар чичлэн хөөж байлаа. Тэр зуур цонхны ойр байсан шивэгчин эмгэн дотроос чулуудсан зүүлтийг газарт унагалгүй шалмагаар шүүрч аваад залуу бүсгүйд сэм дамжуулжээ.

Бүсгүй шивэгчин хоёр олны захад гараад цаашид юу болохыг түгшин ажиглав. Удганы охин “Ээж минь яагаад энэ алтан тэвнэт хавчаарыг шидэв? Муу ёр зөгнөөд байх юм” хэмээн шивнэхэд шивэгчин түүний гарыг чанга атгаж дуугүй байж хүлээхийг сануулаад “Бүү мэд. Мэдсэн бол бүү бод” хэмээн бувтнав.
Түрүүхэн газарт хүргэлгүй хүндэтгэн залж ирээд хааны ордонд өргөх шахам оруулж байсан удганыг цэргүүд золбин нохой мэт гулдран чирч гаргаад газарт хөсөр хаяжээ. Хүмүүс түүнийг хараад сонирхон тойрч элдэв таамаг дэвшүүлэн сайн муу үгсийг шивнэлдэн байтал нүүрээ багаар халхалсан яргачин ирээд яах ийхийн зуургүй удганы толгойд цаазын малгай углаж орхив. Тэр нь толгойг битүү нөмөрдөг улаан хилэн уут бөгөөд өмссөн хүний хүзүүг хурц иртэй хэрчигчүүдээр хатган эргэж тайлагдахгүй болдог аймшигт зэвсэг билээ.
Нэг эр дэргэдэх хүнээсээ “Энэ одоо юу гээч болоод байна аа?” хэмээн асуулаа. Цаадах нь “Би бас ойлгохгүй байна. Дэмий таамаг ярьж байж хэрэгт орно шүү. Дуугүй л харцгаая” гэв. Тэдний яриан дундаас учрыг мэдэхнээ хэмээн горьдож дөхсөн бадарчин урамгүй болж “Хэрэгт дурт годил” гэхийг дуулсан нэг самган гайхаж бадарчин тэднийг хэлэв үү, өөрийгөө хэлэв үү эс мэджээ.
Цаазын малгай өмссөн удган хүлцэнгүйгээр сөхрөн суув. Өргөөнөөс хулсан самбар барьсан түшмэл гарч ирээд “Бурханы зарлигийг түмэн ард бишрэн сонсоо. Цааш тараан мэдээлтүгэй. Хаан төрийн эсрэг удаа дараалан гэмт хэрэг үйлдсэн, хааныг эмчлэн эдгэрүүлэхийн оронд үгдрүүлэх хорлох санаа агуулж явсан удганыг цаазлан хороосугай” хэмээн уншжээ.
Түшмэл гараа далаймагц цаазын малгайн олсыг яргачин угз татлаа. Малгайн хэрчигчүүд эрчлэн эргэлдэхэд удганы толгой биенээсээ салж улаан уутанд үлдэв.
Үүнийг үзсэн олон ард ордны өмнөх талбайгаас үргэх мэт бутран тарахад удганы охин шархадсан эм барын хоолойгоор архирлаа. Шивэгчин эмгэн түүний амыг өргөн ханцуйгаараа битүүлэн таглаад олны дундаас гулдран чирсээр холдов.
Хатан хаан тэднийг олж үзээд “Багшаа, та удганы охин цаазыг хараад зугтахыг харав уу? Тэр охин биднээс өшөө авахаар ирэх аюултай шүү. Та түүнийг олж бүхнийг мартаж, бусдыг хайрлах сэтгэлгүй болгох рашааныг хүртээх хэрэгтэй байна. Тэгсэн цагт түүний хүчийг Тангадын төрийн хэрэгт эхийнх нь адил ашиглаж болно” гэхэд лам “Жа, мэдлээ” гэжээ.
“Шадар сайд, та харин шивэгчинг нь олж хөнөө. Тэд удаан хамт байвал охинд эхийнх нь сургаж амжаагүйг сургах үнэнч хүн байгаа юм” гэвэл Шадар сайд “Тиймээ, би сайн мэднэ. Түүнийг удахгүй хөнөөх болно” гэв.
Эмгэнд тэдний араас хүн хөөж байх мэт санагдсанд зам таарсан түрдэг тэрэгний дугуйн ивээсийг суга татаад түлхэж орхив. Дүүрэн ачаатай тоглоомын наймайчны модон тэрэг онхолдож тоглоомнууд нь таран асгарсанд үймсэн хүмүүс хулгайлахаар бужигнажээ. Энэ хооронд удганы охинг шивэгчин чирч гулдарсаар ордны хаалгаар гарч бараа тасрав.

Шинэхэн тохижсон нүүдэлчдийн бага хотхон эрт сэржээ. Овгийн ахлагчын их өргөөн баруун талд барьсан гэрт бүсгүйчүүд дүнгэр дүнгэр ярилцах дуулдана. Хар үүрээр тэд босч хөөрцөглөсний учир бол энэ хотхонд шинэ хүн мэндлэх гэж буйд байлаа. Эмгэд голдуу хэдэн эмэгтэй “Хаан хүү юу, Хатан охин уу?” хэмээн таамаг хэлцэнгээ эх болох бүсгүйг асарч байв. Өүлэн үжин шөнө дундаас эхлэн өвдсөнд тэдгээр эмс цуглаад тулганд гал өрдөн гэрийг дулаацуулж шинэ төрөх хүнийг хүлээн буй нь энэ ажээ.
Хав дөрвөлжин цээжтэй ханхгар баатар эр тэрхүү шовгор оройт гэрийн хатавчыг түшиж түүний доторхийг чагнан зогсоод эхнэр нь дуу алдан ёолох бүрт өтгөн хөмсөг зангируулан зовно.
Есүхэй гэрийн гадаа тийнхүү хүрлийн зогсох зуураа дэргэдэх багахан болдог толгойн оройд завилан суусан хүнийг олж анзаарав. Нүдээ онийлгон түүнийг шинжээд бясалгал хийж суугаа лам мэт үзэгдсэнд “Хэвтүүл” хэмээн дуудвал “Хянаж байгаа” гэж тал талаас хамгаалагчид нь хариулсанд тайвширч гэрийн доторхийг үргэлжлүүлэн чагналаа.
Тэгтэл эсгий үүд гэнэт сөхөгдөж гэр дотроос хурдлан гарч ирсэн эмэгтэй түүний хөлд тээглэн бүдрээд золтоо л харуулдаад уначихсангүй. Баатар эр гар сунгаж хүрз мэт том алгаараа хөгшний дээлийн араас атган тогтоов.
Эмгэн “Есүхэй баатар минь, та энд зогсоод яах вэ. Өргөөндөө амраад хүлээж бай. Өүлэн үжин төрөхөөр бид аяндаа таныг дуудна” гэсэнд баатар “Би хүүгээ харна гэж бодохоор тэсч ядаад байна шүү. Хуагчин эгч минь та нар тэнд юугаа хийгээд байгаа юм бэ?” гэв. “Танд тийм сонин санагдаад байвал өөрөө ороод харахгүй юу даа” хэмээн эмгэн ёжлов.
Баатар “За тэрийг ч харин болъёо. Би эндээ хүлээж байя. Харин та хэд жаахан хурдлаарай” гэсэнд “Тэгье дээ, хурдлахыг хичээе” хэмээн ёжлоод хажуугийн гэр лүү яаран одлоо.
Өлгий боох сур авч ирсэн эмгэн гэрт орохдоо цагаан шүд гарган инээмсэглэх Есүхэйг хараад толгой сэгсрэн шоолжээ.
Довцгийн оройд завилсан хүн энэ үед үүргэвчнээсээ зааны ясан савх гаргаж газарт лав зоогоод түүний дээр алтан очирыг тэнцүүлэн тогтоосонд салхины аясаар зөөлөн эргэжээ. Бурхан Халдуун уулын оройд таарсан хоёр өвгөний нэг тэр байлаа.
Гэрт хүүхэд час хийн уйлсанд баатар эр “Мөнх хөх тэнгэр минь, танд баярлалаа” хэмээн залбирчихаад гэрийн үүдийг сэв хийтэл сөхөн оржээ. Гэрт байсан эмс “Есүхэй баатар минь та хүүтэй боллоо”, “Агуу баатар эр мэндэллээ”, “Алтан дэлхийд нэрээ дуурсгах нэгэн баатар төрлөө” гэсэн сайхан ерөөлийг хэлцгээн угтав.
Өүлэн нөхрөө аз жаргал бялхсан харцаар хараад хүүгээ үзүүлэв. Хүүгийн биеийг угааж цагаан хурган нэхийнд өлгийдөхийн өмнө Хуагчин эмгэн “Хүү чинь нөж атгаж төрсөн шүү. Энэ сайны ёр уу, муугийн ёр уу?” хэмээн шивнэв.
“Та чинь юу яриад байнаа? Өүлэнгийн бие зүгээр үү?” хэмээн уулга алдахад эмгэн “Тэрэнд аюулгүй. Харин би ийм юм урьд үзэж дуулаагүй юм байна” гэв. Есүхэй хүүгийнхээ алгыг тэнийлгэн харвал үнэхээр нөж атгасан байв.
Энэ үед гадаах хүн өндийж алтан тоногтой ширэн бүсээ тайлаад алтан очирыг гогодон эрчлэн дүүгүүрдэж байснаа гэрийн зүг чулууджээ.
Хүүгийнхээ алгыг ширтэн гайхаж зогссон Есүхэй гэрийн дээр унь доргитол ямар нэгэн хүнд зүйл түс хийн унах чимээнд дав хийн цочив. Тэр хүүгээ Хуагчинд бариулаад яаран гарвал уран хийцтэй алтан очир газарт хэвтэж байлаа. Довцогийн орой дээр хүн сууж байсныг санаад харвал алга байв.
“Хүү минь очир атгаж төрсөн байжээ. Түүний бэлэгдэл нь энэ бишүү. Тэнгэрээс гэр дээр минь энэ алтан очирыг тэмдэг болгон буулгав” хэмээн гэрт ороод хэлэв. Хүүгийн гарт атгаастай нөж очирын дүрстэй болохыг сая анзаарсан хүмүүс бахдан хурайлжээ.

Залуу хар хүүг хэдэн түшмэл, хааны залуухан татвар эмс хүрээлээд хөгжилтэй яриаг нь амтархан сонсож байв. Жонон ан ав, аялал зугаалгаас ирэх бүртээ ийнхүү замд тохиолдсон элдэв сонингоо дэлгэн хуваалцаж хөөрөх дуртай билээ.
Түүний яриаг ахлах тайган тасалдуулж эцэг нь дуудуулсан болохыг чихэнд сэм хэлжээ.
Хан хүү “Яасан төвөгтэй юм бэ?” хэмээгээд тайганг дагав. Түүнийг бахдан хөөргөж зогссон хүмүүс ч дургүй хоцорлоо.
Жононг өргөөнд ороход хаан түүнийг дэргэдэх суудалд уриад бусад хүмүүсийг гарахыг тушаав.
“Сайн явж ирэв үү? Ангийн олз арвин уу? Хэрхэн ав хийсэн тухайгаа яриач?” гэхэд “Ердийн ав байлаа. Та харин ямар хэргээр яаран дуудуулсан учраа хэлээч. Ангийн талаар дараа тухтай ярья” гэв.
Хаан өндийхөд жонон түүний тохойноос түшин хоёр талд нь дэр ивж өгөв.
Хаан амьсгалаа жигдрэхийг хүлээн тайван суугаад үгээ хэлэв. “Эртийд цаазлуулсан удганы үг ортой байжээ. Би удаан тэсэхгүй бололтой. Иймд хааны төрийн тамга, улсыг захирах эрхийг чамд яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна. Ёслолыг яаралтай бэлдүүл.
Хаан болох чамд тусгайлан захих зүйл их байна. Чи бичиж тэмдэглэж ав” гэжээ.
Жонон “Би ой сайтай тул энэ удаад сонсож аваад дараа тэмдэглэхэд болох уу?” гэвэл хаан хөхүүлэн ханиагаад “Одоо бич” гэжээ.
Жонон дурамжхан босч бийр янтай, цаас бэлдээд хааны хэлэхийг хүлээв.
Хаан “Тангад улсын эртний заналт дайсан бол хойд талын нүүдэлчид юм” хэмээн үгээ эхлэхэд жонон “Би цэрэг удирдах эрхээ авмагц тэдний эсрэг дайн зарлах болно. Талын нэг тарсан Монголчуудыг хэсэг хэсгээр нь дарж ард иргэдийг нь нэгэн дээврийн дор хураан эрхэндээ оруулна” гэв.
Хаан “Тэднийг дарах нь амаар хэлэх шиг амар явдал бишээ. Хэдий бутархай ч нэгнийгээ өмөөрөх цагт нэгддэг нь гайхалтай. Тиймээс тэднийг нэгтгэж мэдэх тэргүүлэх улсыг нь таньж толгой дараалан агнавал зохино. “Баавгайг алахын тулд толгойг нь л балбаад бай” гэдэг биз.
Чи Тангадын төрийг хүчтэй байлгахын тулд эхлээд өөрийнхөө хүрээллийг зөв сонго. Миний түшмэдээс ухаантай, дайчинг үлдээж өөрийн итгэлт хүмүүсээр бусдийг нь соль. Тэгсэн цагт гадагш дайлахаас гадна төрийг мөхөөлгүй удирдаж дараах хаанд өвлүүлэх ёстой юм шүү” гээд гэдрэг хэвтлээ.
Жонон “Монголчууд бутарсан мэт байвч нэгдэх цагаа болохоор нэгдэж чаддаг гэж та хэлж байна уу?” хэмээн асуув.
Хаан “Тэгэж хэлж байна. Гэтэл Тангадууд бид гаднаа нэгдэлтэй мэт үзэгдэвч амь тулсан цагт хувиа хичээдэг. Ард олноо байтугай гэр орноо ч хаян зугтахаас буцахгүй. Ийм байдлыг чи Хаан суудлыг авсны дараа ясандаа тултал ойлгох болно. Ямар ч үед чи хаан хүний мөн чанарыг алдаж болохгүй. Тэвчих цаг тулбал тэвчимгүй явлыг ч тэвч, тэвчих хэрэггүй зүйлд цаг алдан бүү тэвч” гэжээ.
Жонон юуг нь тэмдэглэн авахаа эргэлзэн суутал хаан “Нүүдэлчдийн нутагт хүн илгээж сураг сайн тавь. Тэд хоорондоо эвдрэлцэх, эвлэрэх нь амархан улс тул хов жив тарааж хооронд нь харгалдуул. Эд хөрөнгө, эрх мэдэлд дурлагч хүмүүсийг ил далд дэмжиж алт мөнгөөр хангаж, албан тушаал дэвшихэд нь туслаж итгэлийг нь ол. Чиний гарт орсон цагт эргүүлээд өгснөөсөө илүүг олох болно.
Удганы муу ёрын зөгнөлийг мартаж болохгүй. Шинэ төрсөн хүүхдүүдийг сэм бүртгэж дансал. Тэр тусмаа хаад, түшмэдийн хүүхдүүдийг илүү шинжиж нүдэндээ галтай, нүүрэндээ цогтоог нь олж цаг боломжийг үл алдан устгаж тонилгох нь зүйтэй. Барын зулзагыг бага дээр нь дарах хэрэгтэй. Одоо төрж буй хүүхэд юм бол түүний эсрэг одоо төрөх хүүхдийг бэлд. Орой болгон тэр зүгт хараал уншиж сүлдийг нь гутаа” гэв.
Цааш нь “Цаазлуулдаг удганы төрсөн охин гэж эхээсээ дутахгүй хараалч, шившлэг тарний ухаанд гүн нэвтэрсэн бүсгүй бий гэнэ. Түүнийг олж дэргэдээ асарвал хожим чамд л тустай. Дайсны хийморийг хараалаар мохоож чадахгүй юм бол Тангадын хараал хүчтэй гэсэн алдар маань домог төдий болж хоцроно шүү” гэжээ.
*
Шөнө дунд хэдийнээ улирсан хойно хатан унтлагын өргөөнд ороход ойрын хэдэн өдөр биеийн өвчнийг умартан удганы зөнг шалгахаар үнсэн самбар дээр зурхайн зурлага үйлдэж нойр алдсаар улам тамирдсан хаантан унтаа сэрүүний завсар цонхийн хэвтэж харагдлаа. Хатан түүний дэргэд очиж хөрсөн хөлийг нь хөнжлөөр ороон хумихад хаан түүнийг талархан харж нүдээрээ инээмсэглэв.
Хатан түүний хөнжил дээр сууж хөлийг нь дараад “Хөлөө миний дороос угз татан авч чадах уу? Оролдоод үзээч” гэв.
Хааны хүч хүрсэнгүй. Хатан түүний хөл дээр суусан чигтээ “Биеийн тань тамир барагджээ. Сэтгэлийн тань эрч ямар байна даа. Хаан ширээг хүүдээ өвлөн гэрээслэх цаг болсон юм биш үү?” гэв.
Хаан “Цаг нь болоход цаст уулын цагаан барс өчүүхэн шоргоолжинд баригддаг билээ. Миний тэнхэл суларсан тул ухааны саруул дээр түүнд үгээ захиж, удганы зөгнөсөн аюул тулвал хэрхэн төр улсаа хамгаалах талаар зөвлөж л байна. Жонон хараахан төлөвшөөгүй хэвээр байгааг харж байгаа биз дээ. Иймд би түүний шадар зөвлөхөөр улаан нүүрт Ли баатрыг томилох болно. Хан хүүг тэр төрийн хэрэг мэдэх чадварт болгоод түүнд бүрэн эрхийг шилжүүлнэ бизээ” гэв.
Хатан “Та Хан хүүг өөрийн төрсөн хүү биш бодоод дорд үзэж байгаа юм уу?” гэж асуулаа.
Хаан “Чи юугаа яриад байнаа?” хэмээн зандраад өндийх гэсэн боловч чадсангүй. Хатан “Хана чихтэй байдаг юм шүү. Удгантай юу ярихыг чинь би сайн сонссон. Та түүний үгэнд ихэд эмзэглэж байна билээ. Би хүүгээ хаан ширээнд бушуухан суулгахын тул таныг тонилгож дараа нь улаан нүүртийг ч хөнөөнө” гэв.
Хаан “Ли овогт баатар бол жононг хаан болтол бэлдэж чадах үнэнч хүн юм шүү. Чи түүнийг бүү оролд. Хэрэв Ли баатрыг хөнөөвөл Тангадын төр мөхөх тухай зөгнөсөн удганы төлөг биелнэ гэдгийг чи мэдэж байна уу?” хэмээн асуув.
Хатан ”Та жононг өөрийн тань үр биш гэсэн удганы үгэнд итгэсэн үү?” гэвэл “Би үүнд огт итгэхийг хүсэхгүй байна. Хэрэв ийм цуу тарвал хааны эрхийг булаалдах хүмүүс ил гарч Тангадын төрийг доройтуулна. Тэр цагт чиний өчүүхэн хүсэл шунал чинь ч арчигдан арилах тул чи бузар амаа хамхисан нь дээр шүү.
Гэнэн залуу цагтаа мунхаг миний бие бөөгийн үзэсгэлэнт охинд сэтгэл алдарсан билээ. Хаан аав, хатан ээж хоёр минь үүнд ихэд эмзэглэж эгчийг чинь хүчээр удган болгосонг санаж л байгаа байлгүй. Сэтгэл зүрхээ шимшрүүлэн шаналж явахад минь чи дэргэд байж аргадан тайтгаруулж байв.
Эцэст нь би түүнээсээ урваж чамд дасахад чи надад эгчээсээ илүү сайн гэж итгүүлсэн билээ. Миний хоёр дахь удаагийн хайрын түүхэнд эцэг, эх минь аргаа бараад чамтай гэрлүүлсэн юм.
Тэр цагаас хойш чи миний хайрт хань, Тангад улсын хатан хаан болсон” хэмээн хаан хэлэв.
Хатан “Би бүгдийг тод санаж байнаа. Би танд үнэн сэтгэлээсээ хайртай байж жононг төрүүлсэнг итгэхгүй байгаа бол харамсалтай л байна. За энэ мэт олон үгийг үүгээр дуусгая. Одоо хаан таны бүр мөсөн амрах цаг боллоо” гээд тас тас инээхэд шадар сайд гэнэт үзэгдэж хааны нүүрийг дэрээр битүүлэн дарлаа.
Хаан нэгэнт тамиргүй болсон тул хувь заяатайгаа эвлэрч үл тэмцжээ.
“Жонон миний хүү мөн биз дээ?” хэмээн шадар сайд эргэлзэн асуухад “Би чамд хайртай. Хааныг би насан туршид нь хуурсан. Үхэхэд нь ч хуурлаа” гэж хатан шивнэхад шадар сайд бахдан хөхрөв.

Үргэлжлэлийг нэг нэг бүлгээр нэмээд явнаа цаашдаа ...


Top
   
PostPosted: Jan.10.17 11:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :wd:

Би Хавт Хасарын тухай унших их дуртай :cheerleader: Өө зохиолч нь өөрөө юм бна шд сая нэрийг чинь харлаа. Энэ ном худалдаанд гарсан юм уу?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.11.17 5:12 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.27.16 3:13 pm
Posts: 5
Sain baina uu? Zohiol yerunhiiduu bichigdej duussan. Ehnees n sonirhuulj baina. Humuusiin sanaliig haraad baga zereg zasvar hiih sanaatai baigaa yum.


Top
   
PostPosted: Jan.11.17 5:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2007
Location: Nothins that bad if it feels good
ваав баярлалаааа :D

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jan.14.17 9:50 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.27.16 3:13 pm
Posts: 5
Тэр явдлаас хойш арван жил улиран оджээ.
Шархадсан далавчаа чирэн зугтсан хойлгийг мөшгөх хөвгүүд мод цавчих чимээг сонсоод таран хэвтлээ. Алсад хот айлын бараа харагдана. Ойн захаас саахалт хэрийн зайд түлээчид цуглуулсан мөчрөө богиносгон тайрч, багцлан боож байв.
Хөвгүүдийн өмнүүр тарган хойлог тавлах мэт ил явж өмхөрсөн хожуулыг тойрмогц газрын өөд явгалан гүйлээ. Бэгтэр ах нь нумаа сумлан өндийж шувууны араас гэтэхийг Хасар үзээд яаран босч нумынхаа хөвчийг сунаатал татаад амьсгал түгжин онилж сумаа тавьжээ. Сум исгэрэн ниссээр мэргэн тусаж хойлогийг дэргэдэх хожуултай нь хадаж орхив. Амь тэмцэн тийчлэх шувуу руу Бэгтэр хэд дэвхэрч очоод газарт ганцхан саваад үхүүлжээ.
“Зочи Хасар дүү минь чи тун хавтай сайн харавлаа. Уг нь би үүнийг өөрийн гараар агнаж ээждээ өгөх учиртай байв. Гэвч чи ахынхаа өмнүүр орлоо. Үүнээс хожим ингэж огт болохгүй шүү” хэмээн зэмлэх зуур Бэгтэр Хасарын сумыг хожуулаас сугалж өвдөглөн хугалаад арагшаагаа чулууджээ.
Сумыг нь буцааж өгөхийн оронд өвдөглөн хугалсанд гомдсон Хасар Бэгтэрийн гараас хойлгийг шувт татан булааж газар чулуудсанаа түүнийг тонгорон унагав.
Хасар “Би үүнийг агнасан тул Сочигэл эхэд өөрөө аваачиж өгөх болно. Тэр надад баярлаг” гээд шувууг авахаар тонгойтол Бэгтэр үсрэн босоод түүний араас тийрч унагав.
Омогтой хөвгүүд дахин зууралдаж арсалдан зодолдоход Тэмүжин тэднийг салгаад “Бид энд их дуугаар маргаж болохгүй. Наад хойлогны чинь махыг хүртээд Сочигил эхийн бие дээрдвэл бидний хэн нь агнасны ялгаа юу байнаа” гэж зандрав.
“Та нар Хавул хааны зарлиг, намайг бүүрэлхэх тушаалыг санаатай байна уу? Ах захаа хүндлэх ёсыг мэддэггүй Мэргэдийн шээснүүд” гэж Бэгтэрийг ууралсанд Тэмүжин түүнтэй зууралдан ноцолдов.
Тэднийг тийнхүү маргалдан зодолдохыг дуулсан Мэргэд эрчүүд ойд гүйлдэн орж ирсэнд хүүхдүүд нуугдацгаав.
Бэгтэр, Бэлгүтэй хоёрын нуугдсан бутны дэргэд Мэргэдийн хоёр түлээчин зогсоод дараах зүйлсийг хэлцжээ.
“Энэ хавьд маргалдаад байсан хүмүүс хаачив аа? Есүхэйн золбингууд ч байсан байж мэднэ. Тийм бол барьж аваад Тайчуудад тушааж хэдэн зоостой болох юмсан” гэж нэг нь хэлэв.
“Тэд юугаа хийж энэ хавиар явдаг юм. Тэгээд ч чи бидэн шигт нь баригдахаар тийм амар улс биш байлгүй. Эзгүй хөвчид бүгсэн тэд эвтэй найртай тулдаа өдий хүртэл олдоогүй биз. Тэдэнд маргалдах ямар асуудал байх билээ? Ерөөсөө бид хий зүйл сонссон бололтой. Явж нарны эртэд ажлаа дуусгая” хэмээн нөгөөх нь бувтнав.
“Хүмүүс маргалдах чимээг зөвхөн бид биш цаад хэд чинь бас дуулаад ирээ биз дээ” гэж түрүүний хүн хэллээ.
“Хэрэв Есүхэйн хүүхдүүд бидэнд баригдвал чиний хэлдэгээр Тайчуудад худалдах хэрэгтэй. Уг нь Тайчууд, Монголчууд нэг гарлын ахан дүүс гэдэг биз дээ. Яагаад хоорондоо арсалдаж байдаг юм бол? Есүхэйн хүүхдүүд хоорондоо эвгүй байх учир юу байнаа?” гэж залуу нь асуув.
“Дөнгөж гэрлээд хадмынх руугаа айлчилж явсан хосыг салгаж Өэлүн үжинг Есүхэй баатар хүчээр гэртээ авч ирснээс хойш энэ хэрүүл мандсан юм. Залуу бүсгүй Өүлэн хайртай нөхрөөс нь булаасан эхнэр хүүхэдтэй эрд гомдож уурлах нь ойлгомжтой. Эхнээсээ л тэр айлд ширүүн авир гаргаж байсан биз. Одоог хүртэл Өэлүн үжин Есүхэйн анхны эхнэр Сочигэлийг боол зардас мэт захирч явдаг юм гэнэлээ. Тэгэхээр Есүхэйн хоёр эхнэрийн хэдэн хүүхэд хоорондоо эвтэй байхын учиргүй биз дээ?” гэж ахмад эр хэлжээ.
Тэдний яриаг чагнан хэвтсэн Бэгтэр өнгөрсөн түүхийг эргэн саналаа.
Ээж минь тэр өдөр аавыг ангаас эргэж ирэхийг хүлээн урдынхаараа догдолж байн байн орж гаран харуулдсаар байв. Би тэр үед таван настай байсан болов уу.
Аав ирэхэд ээж намайг хөтлөн гэрээс гүйхээрээ гарсан юм. Гэвч тэр зог тусаад миний гарыг өвдтөл атгахад түүнийг харвал ээж амаа өмөлзүүлэн, сайхан тунгалаг нүднээсээ болор дуслууд бөмбөрүүлэн унагаж байж билээ.
Аав эмээлийнхээ урдуур их дуу хадаан уйлах залуухан бүсгүйг тэгнэж ирээд ээжийн хөл дор хөсөр хаяв. Тэр бүсгүй өндийж суугаад аавын зүг уурлан хашгирч, тавлан хөхөрч билээ.
Аав ээжид “Үүнийг тайвшруулж цайлж ундал. Өнөөдрөөс эхлээд энэ миний залуу хатан болох юм. Та хоёр танилцаж бай. Би орой эртхэн харьж ирнэ” гэж хэлээд ах нартайгаа хөлчүүрэн орилсоор давхиж одов.
Ингэж би Өэлүн үжинг анх харсан хэрэг. Тэр үзэсгэлэнтэй, залуухан бүсгүй өөрт нь туслахаар гар сунгах ээжийг минь угз татан сөхрүүлчихээд өөрөө үсрэн боссон юм. Бүсгүй уурсан үзэн ядсан харцаар бид хоёрыг ээлжлэн хялаахад ээж минь гэм хийсэн мэт далдчиж байв. Би ээжийгээ өмөөрч тэр бүсгүйн хөл рүү өшгилсөнд тэр над руу хилэгнэн харснаа уйлаад суучихаж билээ.
Бэгтэр тэр гунигт дурсамжаа санаад Өүлэн үжингийн хүүхдүүдийг үзэн ядах сэтгэл нь дүрсхийн асчээ.
Тэгтэл түрүүчийн хоёрын ахмад нь “Чи Есүхэйн гэрийнхэн яагаад ууланд нуугдаж байгааг мэдэх үү?” гэв.
“Үгүй. Та надад учрыг хэлж өгөөч” гэж залуу нь хүсэв.
“Тэр явдал Хабул хааны үеэс улбаатай байжээ. Хаан өөрийн долоон хөвгүүдээс биш Тайчууд овгийн Амбагайд хаан ширээгээ өвлүүлсөнд их учир бий дээ” гэв.
Нөгөөх нь “Тэгвэл Амбагай хаан тамгаа Хабул хааны хүү Хоталад эргүүлж өгсөн нь ямар учиртай юм бэ?” хэмээлээ.
“Хамаг Монгол аймгийг, Тайчууд аймагтай нэгтгэн захирах үед хаан ширээний төлөө өрсөлдөөн төрсөн ах дүүсийн хооронд үүсч нэгнийхээ амьнд хүрэх шахсан тул аргагүйн эрхэнд ингэж шилжүүлсэн хэрэг. Харин Есүхэйн эцэг Бартан баатарын ах Хоталад хааны тамга очсонд өширхөсөн Тайчууд ирээдүйн хаан болох магадлалтай Есүхэйг үр удмаар нь устгахаар шийдсэн юм” гэв.
“За наад учрыг чинь одоо л ойлголоо. Тэгэхээр Амбагайн бэлэвсэн эхнэрүүд яагаад Өүлэнг гадуурхан хаясан нь тодорхой боллоо. Миний дуулснаар Есүхэйн авааль эхнэр Сочигил чинь Тайчууд гаралтай юм гэдэг. Тэгэхээр тэдний хүүхдүүд хоорондоо өрсөлдөн маргалдахгүй байхын аргагүй л юм байна” гэв.
Нөгөөх нь “Өэлүн энэ бүх асуудлыг зохицуулж байдаг биз. Айхтар тэр бүсгүй өөрийн хүү Тэмүжинг энэ айлын тэргүүн болгож, цаашлаад хаан ширээнд хүртэл түлхэх санаатай эгзэг гарахыг хүлээж байдаг биз. Муу золбингуудыг олоод тушаачих юмсан. Даан ч энд ирэхгүй бизээ” гэж хэлцсээр тэд холдов.
Тэдний яриаг дуулсан Бэгтэрийн уур чинээндээ тултал бадарчээ. Тэр Тэмүжин, Хасар хоёрын нуугдсан бут руу хөмхий зуун ширтээд булаасан хойлогоо тэдний зүгт даялан чулуудчихаад Бэлгүдэй дүүгээ биеэрээ халхлан нуугдав.
Бутан дунд шувууны хүнд бие сүр сар хийх унахад Бэгтэрийн тооцоолсон ёсоор Мэргэд эрс тэр зүгт бүгд анхаарлаа хандуулжээ. Ойрхон хэвтэх хойлгийн зүг занган дохиод Тэмүжин год үсрэн хурдлахад Хасар өнөөх хойлгийг шалмагаар шүүрэн авч түүний араас нь зугтжээ.
Мэргэд эрчүүд тэдний хойноос бархиралдан хөөсөөр бараа тасарсан хойно Бэгтэр сая өндийж дүүгээ дагуулан зүг буруулж одлоо.


Эрэг дээрээс жад шидэхээр анах Тэмүжин, Хасар хоёрын зүг загас үргээн ирж буй дүү нараа ажиглаад шүдээ чигжилж хэвтсэн Бэгтэр газраас чулуу шүүрэн өндийж ус руу чулуудлаа.
Арай ядан тууж ирсэн загасыг нь үргээсэнд цаадуул нь бухимдан гомдоод орилолдсонд Бэгтэрийн бах ханаж элгээ хөштөл хөхөрчээ. Түүнд хорсон хашгиралдах хүүхдүүд төдөлгүй тайвширч дахин ангаа үргэлжлүүлэв.
Хасарын отож буй булан руу нэг том загас орсонд тэр жадаа мэргэн шидэж онолоо. Хүү ус руу үсрэн ороод элбэг хоёр тохой урттай тулыг жадныхаа үзүүрт годгонуулан өргөж эрэг рүү гүйхэд хүүхдүүд хөөрөн баясаад түүнийг дагажээ. Тэдний дунд баярлан дэвхцэж яваа Бэлгүтэйг Бэгтэр гүйцэж очоод дээлийнх нь захаас гэдрэг татан усанд унагав.
Бэгтэр дүүгээ тийнхүү уйлуулж орхиод Хасарын жаданд сүлбүүлсэн тулыг шувт татан булааж авлаа. Түүний дээрэнгүй авирт бухимдсан Тэмүүжин загасыг буцааж авахаар Бэгтэрлүү дайрсан боловч хүч мөхөсдөн зодуулжээ.
Бэгтэр “Өэлүн эх үргэлж Есүхэйн хайртай залуу хатан гэдгээр түрий барьж идээ ундааны дээжийг эхэлж хүртдэг төдийгүй та нарт түрүүлж өгдөг биш үү. Билгүтэй бид хоёрыг төрүүлсэн Сочигэл эх их хатан байтал та хэдийн ард хоолны хувь хүртдэг билээ. Одоо нэгэнт бидний эцэг үгүй болсон тул чиний эх энэ хотонд хэн ч биш болсон. Өнөөдрөөс эхлэн ангийн олзны дээжийг бид эхлэж хүртэх болно” гээд булаасан загасаа шарж идэхээр дүүгээ зандран удирдаад дагуулж одов.
Бэгтэр тийнхүү том загастай болоод өөрийн барьсан хэдэн жижиг загасыг загалмайг нь нэвт сүлбэсэн мөчиртэй нь цуг үлдсэн хэд рүү дүүгүүрдэн чулуудаад “Май, наадуулаа хувааж гудар. Эртний заншилыг дагаж яваандаа Өэлүн үжинг би их хатнаа болгон буулгах болно. Тэр ч надад талтай мэт байдаг юм. Ингэхээр та нар аяндаа л миний дагавар хүүхдүүд болчихно. Тэр цагт би энэ айлын тэргүүнээс цаашлаад Хамаг Монголын хаан ч болж мэднэ. Иймд эртнээс надад хүндэтгэл үзүүлж бай. Намайг амьд байсан цагт Есүхэйн орыг хэн эзлэх билээ” гэжээ.
Тэмүжин түүний зайгуул үгийг дуулаад дүрс хийн уурлаж “Чамайг тэгвэл алаад хаячихъя л даа” хэмээн занаад гэрийн зүг харайлгасанд Хасар дагажээ. Тэд их гэрт гүйлдэн ороод хананд өлгөөтэй нум сумтай саадгаа шүүрэн авсанд Өэлүн үжингийн муу совин татаж үүд тэлэн зогсоод “Хаашаа юунд ингэтлээ яараав? Хэнд уурлан хилэгнэв?” хэмээн чарлан асуулаа.
“Өөдгүй муу Бэгтэр нохой Хасарын агнасан шувууг хавар булааж дээрэлхээд дээр нь бидний амийг үрэх шахсандаа зовох байтугай зөвтгөж явдаг юм. Түүний далд муу санааг нэг мөсөн таслах цаг нэгэнт болсон. Бэгтэр өнөөдөр бидний барьсан загасыг бас л дээрэмдээд үнэн сэтгэлээ нээж доромжлов. Энэ удаад би тэвчихгүйнээ. Түүнийг одоохон нохой мэт тонилгож орхье” хэмээн Тэмүүжин бархирчээ.
Өэлүн үжин “Нэг эцгийн хүүхдүүд эвдрэлцвэл бусдын хоол болох бишүү? Өнөр хүн өөтэй бол өнчин хүний ч зугаа болдог юм” хэмээсэнд Тэмүүжин “Түүнийг та юундаа тэгтэл өмөөрөв? Ямар боловч түүний амьдрах нас өнөөдөр дуусах болно” гэснээ эхийгээ газарт сөхөртөл нь угз татан суулгаад гарахдаа босгондоо бүдрэн золтой уначихсангүй.
Ахынхаа араас дагаж гарахын өмнө Хасар эхийгээ түшиж босгоод эргэлзэн зог тустал Тэмүжин зандрах дууджээ. Тэр цочих мэт дэгдэн гарч одлоо. Эх арга барагдан бахардаж орилсоор үүдэндээ гарч гэрээ түшин гаслав. Түүний харцанд том хүүгийх нь шийдэмгий эрэлхэг харц тодрон санагдахад нэгэнт оройтсон болохыг мэдээд нүүрээ даран мэгшин гуйвлаа.
Тэдний үймэлдэхийг сонсоод бага гэрээс гарч ирсэн Сочигэл хатан Бөртэ үжинг газарт унахаас нь өмнө тосохоор ухасхийв.
Есөн шарга агтаа бараадан болдог толгойн оройд чулуу таалцаж суусан Бэгтэр, Бэлгүүдэй хоёрын зүг нум саалаг агсан Тэмүүжин, Хасар хоёр толгойн ар өвөр талаас гүйхээрээ хүрч очив. Гэдэс цатгалан тул хөөрөн инээж хэвтээ ахаасаа түрүүлж тэднийг харсан Бэлгүүдэй босч зугтлаа.
Хасар гүйдэл дундаа дээлээ сугалдаргалан очиж Бэгтэрийн урдаас нумаа татан зогсоход Тэмүүжин араас нь гэтсээр дөхөж ирэв.
Хасар “Та түүнээс бушуухан өршөөл гуйгаарай” хэмээн шивэгнэн сануулахад Бэгтэр даахирсан үсээ сэжлэн яраад догшин хар нүдээр Хасарыг хялаан “Тэмүжинг тонилгохгүй бол бид амар амгаланг үзэхгүй. Үхтлээ ууланд тэнэж амьдрахыг хүсэхгүй байна. Түүнийг хөнөөвөл бид уулнаас бууж олны дунд амьдрана шүү дээ” хэмээн хэлэв. Тэр гартаа атгасан хутгаараа сэм дохин зэвсэгтэйгээ сануулахыг хараад Хасар түүний цээжийг нэвт харваж орхив.
Үхлийн шарх олсон Бэгтэр хүчлэн өндийгөөд Тэмүүжинг харахыг ч хүсээгүй тул эргэж харалгүй “Сочигэл эхийг минь бүтэн бүү өнчрүүл. Бэлгүтэйг минь өршөө. Би эргэлзэн суугаад алгуурлав. Эртхэн та хоёрыг нэг нэгээр нь тонилгох байсан юм. Одоо нэгэнт хожимдлоо. Намайг түргэн тонилгож амраагаач. Бие минь шархиран өвдөөд байна” гээд сөхөрсөнд Тэмүүжин түүний араас харваж үхүүлэв.
Улангассан Тэмүжин “Би Бэгтэрийг ч гэсэн хөнөөх болно” гэхэд Хасар “Ахаа, та тэгэж болохгүй. Түүнийг оролдохоор хөдөлдөг л юм бол би таныг харваж бэртээнэ шүү” хэмээн түүн рүү нумаа онилов.
Тэмүжин Хасарын бүргэдийнх шиг догшин шийдэмгий харцыг ажиглаад “Чи түүнийг юунд өмгөөлөв?” гэсэнд “Бид тав атгасан гар шиг байвал хэнд ч дийлдэхгүй байсан юмсан. Гэтэл одоо нэгэнт нэг хуруугаа алдлаа. Хэдий олон хуруу алдана дайсанд төдий хялбар ялагдах бишүү” хэмээн хариулжээ.
Улангасч догширсон Тэмүүжин уулын бэл даган уруудан гүйсээр холдож яваа Билгүүдэйн араас “Би одоо та нарын хамгийн том ах болсон. Би бүгдийг чинь захирч удирдана мэдэв үү? Миний үг энэ өнөөдрөөс эхлээд манай гэрийн хууль боллоо шүү” хэмээн бархирсанд Бэлгүүдэй нус нулимсаа арчин “Мэдлээ ахаа” хэмээн бувтнаад цурхиран уйлж явлаа.


Top
   
PostPosted: Jan.14.17 7:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Улангассан Тэмүжин “Би Бэгтэрийг ч гэсэн хөнөөх болно” гэхэд Хасар
Бэлгүүдэй бх.

Гоё болжээ. Тэнгэрт 2 нар бдаггүй гээд Тэмүүжиний замаас олон хүн холдож дээ.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.03.17 5:23 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
Цасанд хучигдсан уулын бэлд араатанд хөөгдөж хашигдсан хэдэн гөрөөс их сүргээсээ салжээ. Зээрнүүд огцом эргэж хурдлан бүслэлтийг зад цохин цойлоход чононууд тэднийг алдсан мэт дүр үзүүлэн хоёр талаар нь хашиж өртөөлөн хөөв. Гөрөөснүүд мухар жалга ойртож буйг анзаарсан ч эргэх аргагүй байлаа. Тийнхүү ангаа боорлон барихыг эсрэг талын довцог дээрээс цагаан нөмрөгт ханхар эр ажиглан зогсов.
Сайн тогтоож харвал тэд бүгдээрээ ч чоно биш ажээ. Өсөглөн гуринхай ч өсөглүүн хоёр бэлтрэг дагуулсан шөрмөс нь зангирч араатнаасаа дутуугүй чийрэгжсэн хэдэн хүүхэд байлаа.
“Хасараа, харав, харав” хэмээн гөрөөсний замыг угтан хөшөө мэт хөдөлгөөнгүй зогсоо гоохгор өндөр дүүдээ Тэмүжин хашгиран тушаахад хүүхдийн цангинасан хоолой биш чоныг архираан мэт хар хур хийн цуурайтав.
Хасарын мэргэн харвалтанд оногдож шурган унасан гөрөөсний дээр Тэмүжин дэвхрэн буугаад хоолойг нь шалмагаар хэрчиж орхилоо.
Энэ зуур хоёр чоно нь бас нэг гөрөөсийг унагаад хоолойг нь тас хивэхийг харсан Бэлгүтэй зандран үргээгээд гөрөөсний эврээс угзран чирсээр ах дүү нар луугаа явахад чононууд цахлан холдож буй хэдэн гөрөөсний хойноос шуналтай харж урт хэлээрээ цустай хошуугаа долоочихоод эзнийхээ араас дагажээ.
Хөвгүүд ангаа өвчих зуураа зээрийн гуянаас хэрчээд Тэмүлэнд чулуудан өгсөнд охин хэдийнэ амжиж өрдсөн гал дээрээ сонгино мах алаглуулан шорлож шарлаа. Ходоодны шүүс оргилтол хорхой гозгонуулсан амтат үнэр тэр хавиар нэг ханхлав. Хөвгүүд гөрөөсний махыг эвдэнгээ шорлогийн зүг хялам халам харцгаах нь өлөн чоныг санагдуулна. Болсон махны дээжээс хөвгүүдэд аваачиж өгвөл цаадуул нь модон шорноос угз угз татан зулгааж хаш цагаан шүдээр тас тас хазлан ховдгоор иджээ. Тэмүлэн ч гал руугаа эргэж очоод өөрийн хувийг таатайхан зулгааж эхэллээ. Бэлтрэгнүүд хөвгүүдийн хаяж өгсөн яс үстэй өвдөл цөвдлийг том томоор ухаан жолоогүй үмхэв.
Идэр хөвгүүд ангийн махыг зөөхөд хялбар болгон дор нь эвдэж цэгцлээд гал тойрон суулаа. “Хасар ахаа, та аргагүй мэргэн харвах юмаа. Алдаж харавсан бол гөрөөснүүд зугтаачих байлаа” хэмээн дүү охин нь хэлсэнд “Хасар сүрхий мэргэн харваач болохнээ. Гэхдээ бид бүгдээрээ түүн рүү гөрөөсийг сайн шахаж өглөө шүү дээ. Тэмүгэ дүү минь хүртэл их нэмэр боллоо” хэмээн Тэмүжин бахтай инээгээд дараагийн шорлогийг авахаар гар сунгав. “Тэмүжин ахын хэлдэг зөвөө. Бид хамтарч ангаа унагалаа. Тэмүлэн хурдлан гүйхдээ гөрөөснөөс дутуугүй юмаа” гэж ханхар цээжит Бэлгүтэй хэлээд мөн нэг шорлог авч чулуун давсан дээр үрж амтлаад үмхжээ. Тэмүлэн “Гөрөөс шиг хурдлаад байхдаа яахав. Адгуус биш” хэмээн хэлээд хацар улаалган ичсэн ч ахын магтаалд ханамжтай суулаа. Хөвгүүд цуурайтуулан хөхрөлджээ. Хасар “Асар, Басар хоёр ч ан сайн хийлээ. Өнөөдөр олзтой байна шүү” гээд чонондоо хэсэг ястай мах чулуудан урамшуулав.
Тэднийг алсаас ажиглан зогссон цагаан нөмрөгт эр алгаа хавсран амандаа бариад чоно мэт улисанд хүүхдүүд дэр хийн бослоо. Бэлтрэгнүүд өөрсдөд нь зориулж үлдээсэн махыг цасанд нуун булж байснаа сортойн чагнажээ.
Тэмүүжин түүнийг түрүүлж хараад “Тэр байна. Юун хүн юм бол? Биднээс өөр хүн энэ хавьд явмааргүй юм. Бидэнд ямар нөхөр байх биш. Дайсан буй заа. Хасар чи түүнийг харваж орхи” гэв. Хасар нумаа ханатал татаад харавсанд сум тэр хүний зүг исгэрэн нислээ.
Сум тэнгэр өөд цойлж ниссээр оройд гараад эргэж тонгойхдоо цагаан нөмрөгтийг чиглэн очсонд тэр хүн сумыг шалмаг шүүрч авлаа. Түүнийг хараад хөвгүүд чоно мэт догшрон тэр эрийн зүг харайлгасаар довцогийн орой дээр гарахад тэнд хэн ч байсангүй.
Тэмүжин “Өнөөх хүн хаачсанг харав уу?” хэмээн дор үлдсэн дүү охиноосоо асуусанд “Та нарыг довцгийн оройд хүрэхээс өмнө тэр хүн тэнгэрт уусах мэт алга болчихлоо” хэмээн нүдээ нухлан хариу хашгирчээ. Дүүгийнх нь харснаар үнэхээр тэнгэрт хөөрсөн мэт цасан дээр огт мөр үзэгдсэнгүй. “Гарцаагүй л энд хүн зогсож байсан даа. Хачин юмаа” хэмээн Тэмүжинг хэлэхэд Хачиун “Хасар ахын харавсан сумыг тэр хүн шалмагаар шүүрч авахыг бид харсан бишүү” хэмээн хэлэв.
“Хасар ахын сум энд байна” хэмээн хамгийн бага дүү Тэмүгэ нь уулга алдсанд харвал сум газарт талдаа ортол шигдсэн байлаа. Сумны онинд алтан загалмай чимэгт эрхийвч углаатай байв. Хасар түүнийг авч хуруундаа хийж үзвэл яг таарчээ.
Тэмүжин “Чамд Мөнх тэнгэрээс энэ эрхийвчийг илгээсэн бололтой” хэмээв.
Хасарт тэрхүү уран хийцтэй, алтан загалмай тэмдэгт эрхийвчийг эрт цагт Бурхан Халдун уулнаа уулзсан хоёр хөгшний нэг үлдээсэн байжээ.
Энэ явдлын гэрч болох өвгөн бүргэд өндөр тэнгэрээс ажиглан байлаа.

Их ойн захын нарсан төглийн сүүдэрт Тэмүжин, Хасар хоёр шатар нүүж суув. Тэмүжин “Ах чинь удахгүй алс газрыг зорихоор шийдсээн. Давшгүй гэсэн давааг давж, гэтлэшгүй гэсэн мөрөнг гэтлэн явж дээд тэнгэрээс заят төрсөн Бөрт чино, Гоо маралын унаган нутгийг олбол мөнх тэнгэрийн ивээл хүчийг бие, сэтгэлдээ шингээж ирнэ. Хэдий удахыг мөнх тэнгэрийн таалал мэднэ.
Намайг эзгүйд та хэдийг минь Тайчууд, Мэргэдүүд тайван орхино. Тэр цагт хүмүүсийн дунд шингэн орж амар тайван амьдарч байгаарай. Эргэж ирээд би тэдэн хэн болохоо харуулах болно” гэв.
“Та нэгэнт л санаа шулуудсан бол ямар буцах биш дээ. Хүний газар ганцаар бүү яв гэдэг билээ. Дүү чинь хань болон явбал ямар вэ?” хэмээн Хасар хүслээ хэлжээ.
“Манай хэдэн гэрийг тэргүүлэн хамгаалж, асрах тэтгэх хүн үгүй бол бусармаг хүмүүсийн хөлд үрэгдэж мэднэ. Иймд миний дүү эднийгээ хариуцан үлд. Харин олны дотор үгээ цэгнэж, үйлдлээ хянаж байгаарай. Чи түргэн ууртай хүн биеэ хянаж яв. Гэхдээ дорхноо тайвширч уужирдаг болохоор чинь бурууг үйлдэхгүй хэмээн чамд би итгэж байнаа. Энэ дайчин хүү шигээ хүмүүсийн дундуур зоригтой зүтгэж бэрсийн суудалд аажмаар дөхөх хэрэгтэй шүү” хэмээн өрөг дээрх гүегийн дүрийг уран сийлсэн шатрын хүүг заан хэлсэнд дүү нь зөвшөөрч толгой дохин суув.
Тэдний тоглож буй шатар нь арслан барсын дүрстэй сайхан шатар байлаа. Хасар “Ханхай тэргийг тань Ханагар бэрсээр хамх дайраад няцалчихья даа” гээд тэргийг нь идсэнд Тэмүжин “Хамгаалалтгүй үлдсэн ноёныг чинь Хатирч хүрэн мориороо шаг хийгээд унагая даа” гэжээ.
“Та яаж байнаа. Би дахиад бодъё” гэсэнд “Эхлээд сайн бод. Бодож ханасан бол буцалгүй сайн үйлд” гэж ах нь сургав. Хасар “Та яриагаар саатуулж байж намайг мадлаж орхих юмаа” гэсэнд ах нь “Чамайг бэрсээ нүүлгэн миний зольж хаясан тэрэгтэй хөөцөлдөх зуур ах нь чиний хамгаалалтгүй ноёныг дараад авлаа шүү дээ. Ямар ч үед сэрэмжтэй бай” хэмээн сургав.
Тэд шатраа дахин өрөх зуур Тэмүжин “Чи олны дунд орохдоо тэднийг сайтар тандан хүсэл зорилгыг нь мэдээд намайг хүлээж бай. Тулах сайн нөхдийг ч танин олж дэргэдээ цуглуул” гэжээ.
Ахын үгийг дагахаа илтгэн толгой дохиж суух зуураа тэнгэрт цэг төдий үзэгдэх бүргэдийг саравчлан хараад Хасар “Хэрэв түүн шиг өндөрт хөөрдөг бол хаана юу болж буйг тольдох байсан байх даа” гэв.
Тэмүжин “Хүний хэлээр ярьдаг байсан бол бас олон гайхалтай түүх өгүүлэх бизээ” гэснээ “Намайг явсан хойно хаашаа нүүвэл зөв гэж чи бодож байна даа?” хэмээн асуулаа.
Хасар “Хэрэйд аймагт очвол зүйтэй болов уу? Ван хаантай ойртон нөхөрлөх боломжийг би хайх болно. Тэгээд ч түүнтэй адил шүтлэгтэй болохоор намайг ивээлдээ хүлээн авах бизээ” хэмээв. Тэмүжин “Зөв байна. Би ч тэгэж бодож байгаа. Бэлгүтэй та хэд Сочигэл ээжийн сургаалийг бишрэн дагаж ирсний тус эрдэм одоо хэрэг болно шүү” гэжээ.
Тэмүжин шатраа нүүнгээ “Надад чамаас асуух бас нэг асуулт байна. Бэгтэрийг хөнөөсөн явдлыг чи хэрхэн бодож явдаг хүн бэ?” гэлээ.
Хасар “Хэрэв түүнийг хөнөөгөөгүй бол бид өдийд нэг бол бусдын боол эс бол бүгдээрээ хорвоогоос хагацсан байх байсаан. Түүнийг ямар ч мунхаг үйл хийж мэдэх хүн байжээ гэж би хааяа боддог. Би гэр бүлийнхэндээ хайртай. Бэгтэр ахад бүр ч илүү хайртай байсан тул түүнийг муу үйл хийхээс нь өмнө хөнөөсөн юм. Иймд би түүнийг сайн талаас нь дурсаж явах болсон” гэв.
Тэмүжин дүүгийнхээ энэ үгийг сонсоод “Би эрх мэдлийн төлөө түүнийг хөнөөсөн бол чи хайртай болохоороо үүнийг хийсэн юм биз дээ? Гайхалтай л хариулт байна. Чи над шиг авиргүй нь нэг талаар санааг минь амраав. Чамд энэ хэдэн хүний хувь заяаг хариуцуулан үлдээхэд зовох зүйл алгаа” гэв.
Хасар “Ахын үгийг эцгийн сургаал мэт даганаа. Та амар сайн яваад ирээрэй” гэжээ.
Тэмүжин “Чиний мэргэнийг явахаасаа өмнө дахин нэг шалгаж бахадмаар байна. Тэр мөчир дээрх боргоцоог оноод унагаадах” гэв.
Хасар босч алтан загалмайт эрхийвчээ углаад нумаа огцом өргөж онилолгүй харавсанд боргоцой мөчрөөс тасрав. Гэвч хаа нэгтээгээс исгэрэн ирсэн сум боргоцойг газарт унахаас өмнө модонд таг хийн хадаж орхижээ.
Ах дүү хоёр зэрэг нугдайн бутны араар орж суутал “Ха ха, нуугдах хэрэг байхгүй ээ. Хэрэв та нарыг хорлох байсан бол аль хэдийнээ харвах байлаа” гэсээр нэгэн залуу хөвгүүн гарч ирэв. Түүний араас мөн нум сум агссан гоо охин дагажээ.
“Бүү ай. Бид муу хүмүүс биш. Би дүү охиндоо хэрхэн ан хийх арга талаар зааж явна. Модны оройгоос хэрэм уруудаад гүйв гэж хараад харавтал боргоцой байжээ” гэж залуу хар хүү хэлэв.
Тэмүүжин “Айх юу байхав? Ойрхон хүн явааг анзааралгүй сэрэмж алдсандаа л санаа зовлоо. Та нар юун хүмүүс вэ?” гэв.
Залуу “Намайг Хадаа дүүг минь Хүрээлэн гэдэг” гэсэнд Хасар “Юуны хүрээлэн билээ?” гэж үг өдсөнд “Цэцгийн хүрээлэнгээс өөр ямар хүрээлэн байх билээ” хэмээн залуу бүсгүй хариуллаа.
Хасар “Цэцгийн хүрээлэнгээс гадна цэргийн хүрээлэн ч гэж бас байдаг биз дээ?” гэсэнд ах нь “Бид та нарын тухай дуулсаан. Есүхэй баатарын гэрийнхэн ууланд бүгсэн гэж ярьдаг юм. Би та хэдийн явдлыг бахдаж байдаг билээ. Тэгэхээр огт таараагүй мэт дуугүй явах болно” гэв.
Хасар “Чи яахаараа хүний сум хүрсэн зүйлийг давхар харавдаг билээ? Биднийг мөн гэж яаж таниав? Олон юм яриад байвал чинь энэ ойд үүрд үлдээчихнэ шүү” хэмээн омогдсонд чоно нь эзнээ даган уурлаж ярзайн өндийжээ. Хасар чоноо зандарсанд номхрон эргэж хэвтлээ.
“Сүрхий шазруун эр байхнээ чи. Амтайгаа адилхан үйлддэг бол тун айхтар харваач болох биз. Боргоцоог хэрхэн цэвэрхэн онож таслахыг чинь харсаан. Хараа хурц юм. Харин эрүүл тулаанд ямрыг чинь мэдэхгүй байна” гэж залуу хэлээд нумаа сунган боргоцойг газарт унагаад сумаа салгаж авав.
“Та нар хаанаас хаа хүрч яваа хүмүүс вэ?” гэж Тэмүжин энгийн тайван асуусанд “Бид Зүрчид хүмүүс. Ан хайж явсаар энд иржээ” гэв. Хасар өөрийн зүрчид нумаа өвөр дээрээ тавьж өмхөрч унасан мод сандаалан суухад залуу эр “Сайхан нум байна. Зүрчид нум байна. Таны алдар хэн билээ?” гэжээ.
Хасарын уур бадарч догшрон тэр залуутай эрэгчин, эмэгчнээ үзэх гэсэн боловч түүнтэй цуг ирсэн охин тэдний дундуур орж хориглон зогсоов. Охин Хасарыг хараад “Чи жигүүр дэлгэсэн бүргэдийн хэлбэртэй сайхан хөмсөгтэй юм. Бас бүргэд шиг хурдан шаламгай юм. Харин илжиг шиг мунхаг, үхэр шиг зөрүүд биш байлгүй. Уур хэрүүл үүсгэх шалтгаан алга байна шүү дээ” хэмээн сайхан инээмсэглэн хэлэхэд тэр тайвширчээ.
Тэмүжин тэдэнд өөрсдийн нэр усаа хэлэн танилцав. Охин дүүг нь хараад сэтгэл алдран буй Хасарыг анзаарсан залуу “Хүрээлэн. Эртхэн газар дөхье. Алив явцгаая” гэснээр тэд төдөлгүй явж одлоо.
Охин ахыгаа дуулгавартай дагаж явахдаа гартаа барьж ирсэн цэцгийн хэлхээг Хасарт өгчээ. Тэдний бараа тасартал ширтэн зогсох дүүдээ “Чи сайхан бүсгүйд дуралчихав уу?” хэмээн ахыгаа шоглон хэлэхэд Хасар “Тэр надад бас талтай байна бишүү. Бид удахгүй уулзах байхаа” гэв.
“Эд Тангадууд бололтой. Ярианы аялгыг нь анзаарав уу?” гэж ахыгаа хэлэхэд Хасар “Зүрчид биш гэдгийг би лав мэдсэн. Хэрэв Зүрчид хүмүүс мөн бол энэ нуман дээрх Зүрчид үсгээр тод бичсэн миний нэрийг унших байлаа” гэв.
“Хожим энэ хүмүүстэй таарвал хянуур байгаарай. Тун сэжигтэй улс санагдлаа. Залуу нь тулааны эрдэмд боловсорсон хүн байх. Түүний бүсэн дэх дөрвөн талт зээтүүг харав уу? Хэрэглэж сурсан хүнийхээ гарт байгаа бол аюултай зэвсэг шүү. Их холоос тун чухал хэрэг бүтээхээр зорьж яваа бололтой” гэжээ.

_________________
Миний тeрсeн нутаг
Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Feb.03.17 5:38 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
1

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Last edited by batsukh on Feb.03.17 5:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Feb.03.17 5:41 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
1

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Feb.03.17 9:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.09.17 6:54 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
Хасар уулнаас бууж гурван гэрээр Хэрэйд аймгийн Ван хаанд түүний хотын захад буух хүсэлтээ илэрхийлсэнд залуу цагтаа түүний эцэг Есүхэй баатрын тусаар нэгэн удаагийн аян дайнд амь алдах аюулаас аврагдаж байснаа санаж явдаг хаан тэднийг хажигласангүй ивээлдээ авчээ.
Тэмүжин ахынхаа захиасыг ёсчлон дагасан Хасар гэр хотоороо хэдэнтэй буйр сэлгэн нүүхдээ талаар нэг тархсан тэр өргөн том хотын төв рүү дөхсөөр байлаа. Тэдний эрчүүд нь чийрэг, гавшгай тул адуу мал нь өсөн аривжиж, эмс нь ажилч нямбай тул гэр хот нь дотор гадаагүй цэмцийснээр олны дунд сайн нэрээ дуулгах болов.
Тэмүжин үгүй тул энэ айлыг илт нүд үзүүрлэх хүнгүй мэт байв. Үеийн залуус ч төдөлгүй дасан танилцаж орж гардаг нөхөдтэй ч болж байлаа. Гэвч гадуурхаж өдөх ганц нэг хүмүүс хаа ч байдаг билээ.
Нэг өдөр тэдний гадуур найрнаас буцаж яваа бололтой хэдэн хөлчүү залуу морьдоо хурдлуулан бужигнаж өнгөрчээ. Гэвч тэд цааш явалгүй эргэж ирээд гадаа нь элдвийг өгүүлэн хөхрөлдөж эхэлсэнд Сочигэл ээжийнхээ Библи судрыг сонирхож суусан Хасарын тухыг илт алдуулжээ. Тэр тэвчээр заан хүлцэнгүй сууж Бэлгүтэй дүүтэйгээ ярилцаж байтал Тэмүлэн дүү нь харцгаас бултах болжмор адил хурдлан орж ирэв.
“Гадаах залуус биднийг дээрэлхэх санаатай байна. Намайг айлгав” гэж ах нартаа эрхлэн хэлжээ.
Хасарын омог дүрэлзэн асаж хананд өлгөөтэй байсан илдрүүгээ харснаа саяхан хэлцэж суусан сургаалыг санаад авир нь дорхноо өөрчлөгдөж тайван гарчээ. Гадаа нь хэдэн залуу морин дээрээ тогтож ядан ханхалзаж байлаа. Гэрийн гадаа хэвтсэн чононууд нь сэрвийгээ босгон архирч эзнийхээ тушаалыг хүлээн байв.
“Тэмүжин та хоёр хажуудахаа хазан барж, дэргэдэхээ идэн бардаг гэнэлээ. Арай чи хөнөөчихөөд ирсэн юм биш биз? Чиний тэр ах чинь хаашаа явчихаад чи энд ирсэн цагаач вэ? Баатар сайн эр байсан юм бол гэр орноо орхиод зугтан зайлах уу?” хэмээн үг өдөн ханхалзах булиа залууг бусад нь дэмжин доргиож байлаа.
Хасар оволзох хилэнгээ хүчлэн дараад царгиа хоолойгоор “Амар сайн морилж явна уу? Та хэд бууж гэрт ор. Айраг шимэнгээ учираа хэлцэн танилцъя” гэв.
Залуус мориноосоо бууж тэднийд шуугилдан ороод тулга тойрон сууцгаав.
“Тэмүжин ах гэртээ байхдаа дүү нараа баясган айраг өөрөө оруулж ирээд дайлдагсан. Хоёул гарч айраг оруулж дүү нарыг тань дайлъя” гэвэл түрүүчийн бардам эр Бэлгүтэйн ханхагар том цээжний араар нуугдах Тэмүлэнг хялам хийн харснаа Хасарыг дагаж ханхалзсаар гарлаа.
Гэрийн ард очоод Хасар түүнийг тонгорон унагаж хавиргыг нь нужигнатал өвдөглөн дараад “Бидний бүгж байсан ууланд хүний махан идэштэй хүрэл чулуун зүрхтэй чоно мэт зэрлэг хүмүүс сүрэглэн байдаг гэсэн цууг чи дуулсан бизээ. Бид олон жил хэрэн тэнэж явахдаа тэдэнтэй ах дүүс болсон юм.
Танай хотоор өнөө шөнө тэд эргэх болно. Чиний сэтэртэй хонийг алж идээд тооноор чинь толгойг нь чулуудна. Тэр цагт чи миний хэлсэнд үнэмшээрэй. Хэрэв чи дүү нартайгаа манай үүгээр дахиж үзэгдвэл бүгдийг чинь тэдэнд барьж өгнө. Ойлгов уу?” гэж занан хэлжээ.
Нэг чоно нь түүний үхрийн зузаан ширэн гуталтай хөлийн шилбийг янгинатал үмхсэнд уусан архи нь гарч одлоо. Хасар чоноо салгаж хөөгөөд түүний дээлийн энгэрээс хүчлэн басаж өндийлгөсөнд цээжний мах нь өм зулгаарах мэт болсон өнөөх эр “Ойлголоо” хэмээн дуу алдав.
Тэднийг гэрт ороход Бэлгүтэй хоёр залууг нэг нэг гараар заамдан дараад хөдөлгөөнгүй болгосон сууж байлаа. Үлдсэн нэг нь зүрх алдан айсандаа үүдэнд атиралдан хэвтэв.
“Одоо айраг хамт уувал сууж уу” хэмээн Хасар урьсанд тэд “Баярлалаа. Бид дараа зочилж ирж андын ёсоор ууж сууя” гээд бушуухан зайлж одлоо.

Сэнгүм мориноосоо цовхрон буумагц эмээлэндээ бэхлэсэн хоромсгоос өөртөөгөө чацуу урттай хамчаахай хар нумаа шалмаг суйлж ховдноосоо дөрвөн өдөт сум сугалан харвахад бэлдээд шархадсан гахайн мөрийг шинжин хайж зэгсний захаар гэтэв. Тэр ангаа өөрийн гараар унагахыг хүссэн тул дагалтуудаа аажим дага хэмээн дохиод хатсан зэгсэн дээгүүр чимээ гаргахгүйг хичээхдээ өлмийгөөрөө зөөлөн гишгэж явлаа.
Ван хааны хүү Сэнгүм энэ удаагийн авдаа бараа болгохоор сонгосон олны дунд Хасарыг нэр цохон заажээ. Хасар гурван өдөт хурдан хөх сумаар эвэр элэгт нумаа сумлаад Сэнгүмийн араас зайдуухан дагав.
Босоо хүнээс өндөр ургасан зэгсэн дотроос бяруун чинээ том бодон шуугтнан гарч ирээд цусан улаан нүдээр цоргитол ширтсэнд цочсон Сэнгүм ухрахдаа өмхөрсөн хожуулд тээглэн гэдрэг савж уналаа.
Шархдаж шаналсандаа догширсон бодон Сэнгүмийг хадрахаар улангасан довтлох агшинд Хасарын харавсан сум гахайн хүзүүнд гүн зоогдов. Тэнцвэр алдсан бодон урт соёогоороо газар хатган лүс хийтэл годройтон унасан ч шороо тоос босгон тонгочоод шалам эргэж өндийв. Тэр амьтан одоо нэгэнт толгойгоо өргөж дийлэхгүй болсон ч газарт соёогоороо тулан амьсгаадаж байснаа сүүлчийн хүчээ шавхан дайрлаа. Сэнгүмд амьд гарах боломж үгүй мэт санагджээ.
Хасар нуруундаа бэхэлсэн хууниасаа хутган жад шалмаг сугалаад гахайн зүг шидэхээр өрөгтөл зэгс ярагдаж нэгэн шалмаг хүн хурдлан гарч ирээд гахайн дагзанд далайж очсон зээтүүнийхээ хушууг далдартал зоожээ. Гахай гайхах мэт зог тусч хөшлөө. Түүний хөл чичигнэн тэнцвэрээ хадгалахыг хийчээвч нэгэнт нүсэр биеийнх нь тамир барагдсан тул түс хийн хажуулдаад амь тавьжээ. Зээтүүгээр гахай агнасан өнөөх хүн энгийн үүрэг гүйцэтгээд илтгэх цэрэг эр мэт тайвнаар нуруу цэхлэн зогсоод хан хүүд гүнээ хүндэтгэл үзүүлэн мэхийж мэндлэв.
Сэнгүм шалмагаар өндийх гэсэн боловч түүний зүүн хөл гахайн нүсэр бие дор дарагдсан байжээ. Тэрбээр гахайн дороос хөлөө сугалж авахыг хичээн тэмцэхийн зэрэгцээ амийг нь аварсан үл таних залууг гайхах ба бахдах хосолсон харцаар ширтэж байлаа.
Дагалтууд нь гүйлдэн очиж үхсэн гахайг хүч хавсран өргөөд Сэнгүмийг түүний дор дарагдсан хөлөө татаж авахад нь туслав. Энэ зуурт Хасар өнөөх залууд дөхөөд “Чи хаа ч таарсан миний сум туссан бүхэн рүү хөндлөнгөөс оролцож байх юм. Үүний учир юу байнаа?” гэвэл “Би тийм зүйл тохиолдсонг огт санахгүй байна. Чиний алдар хэн билээ?” хэмээн хариу асуужээ. Тэгтэл зэгсэн дундаас үзэсгэлэнт охин гарч ирээд “Наад залуу чинь Есүхэйн Хасар л байна шүү дээ. Тэмүжингийн дүү” гэжээ.
Хасар анх харснаасаа хойш байнга дурсан санаад сэмхэн сураг ажиг тавьж явсан үзэсгэлэнт Хүрээлэнтэй ингэж гэнэтхэн таарна чинээ огт төсөөлөөгүй тул догдлоод гахайн биенд шигдсэн сумаа угзрахдаа золтой л хугалчихсангүй.
Хадаа “Та нарыг амиа хамгаалж ширэнгэнээс гаралгүй тэндээ үүрд үлдэх хүмүүс байх хэмээн дутуу бодож байжээ. Сүрхий овтой хүмүүс юм даа” хэмээн Хасарт хэлээд эргэж Хүрээлэн рүү гайхан мэт харснаа “Тэмүжин ах чинь хаана байна?” гэж мөн асуув. “Ах минь гэрээ орхин явснаас хойш хоёр жилийн нүүр үзэх гэж байна. Ямар ч хэл сураг алга. Бид уулнаас бууж Ван хааны ивээл хайрыг хүртгэн түүний их нөмөр нөөлөг дор амар амгалан байна даа. Харин та хоёр өнөөг хүртэл нутаг буцалгүй ангаа хайсаар байна уу?” хэмээн Хасар шоглон асуув.
“Бид ч ирж буцан байлаа. Танай нутагт ан хийх сонирхолтой шүү” хэмээн Хадаа хэлээд хөхөрсөнд дүү нь хацраа хонхойлгон мишээжээ.
Сэнгүм тэднийг хачирхан хараад “Та нар эртний сайн танилууд уу?” хэмээсэнд Хасар “Үгүй. Нэг л удаа таарч байсан. Гэвч сайн анд болохоос татгалзах юу байх билээ” гэжээ.
“За, ямартай ч амийг минь аварсан та хоёрт талархаж байна. Одоохон ангийн махаар зоог бэлдүүлье. Бүгдээрээ сайхан ярилцаж танилцан анд бололцвол ямар вэ?” гэж Сэнгүм хэллээ.
“Таны урилганд туйлын ихээр баярлалаа. Гэвч бид энэ удаадаа урилгыг тань хүлээж авах боломжгүй байна. Дараа эргэж тухтай уулзан ярилцах цаг ирэх бизээ. Санамсаргүй явж байгаад шархадсан гахайн мөр харсан юм. Нэг мөсөн унагахгүй бол аюултай гэж бодож байтал тан руу дайрахыг хараад азаар бид хүч хавсран аюулыг арилгав” гээд өнөөх залуу хариу сонсолгүй эргэж зэгс рүү зүгэлсэнд Сэнгүм “Манай ёсонд зоогийн урилгаас татгалзах нь зохисгүй явдалд тооцогддог. Хэрэв амийг минь аварсан хүн биш байсан бол доромжлол гэж бодох байлаа” хэмээн хэлжээ.
Хүрээлэн сайхан мишээсээр Чингэм рүү дөхөөд “Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй гэдэг. Дараа эргэн уулзахын ерөөл бий бизээ. Та Ван хааны хүү Сэнгүм жонон биз дээ. Тантай таарч хөөрөлдөх завшаан таарсанд туйлын их баяртай байна. Эргэн уулзахын бэлэгдэл болгон өчүүхэн зүйл дурсган үлдээе” гээд үүрч яваа даавуун цүнхнээсээ жижигхэн зандан модон гуунд багтаасан алтан бурхан бүхий суран зүүлтийг өгсөнд Сэнгүм дуртайяа авчээ.
“За, тэгвэл дараа уулзахын ерөөл өргье. Сайн яваарай. Тан шиг үзэсгэлэнтэй бүсгүйн үгэнд орохоос өөр арга алгаа” хэмээн Сэнгүм хэллээ.
Ах нь тэдний ярилцаж дуусахыг хүлээн инээвхийлж зогссноо “Та бүгд сайн сууж байгаарай” гээд эргэхдээ Хасарын зүг ирмээд дүү рүүгээ асуух мэт харжээ. Дүү охин нь Хасарт дөхөж очоод “Сайхан залуу минь надаас бас бэлэг авмаар байна уу?” гэсэнд Хасар “Би чамайг дараа хаанаас олж уулзах вэ? Өөртэй чинь танилцан хөөрөлдөх нь миний хувьд том бэлэг болохсон” гэжээ.
Хүрээлэн мөн нэгэн ижил зүүлт гарган Хасарт өгөөд “Үнэхээр уулзмаар байгаа бол хаанаас ч гэсэн олоод л уулзана биз дээ” гээд тас тас инээсээр ахынхаа араас оджээ.
“Ямар сонин хүмүүс вэ? Талархал ч сонсолгүй одлоо. Залуу бүсгүй надад энэ зүүлтийг дурсгахад би түүнд таалагджээ гэж бодсон юмсан. Гэтэл чамд мөн ижлийг өгдөг нь ямар учиртай юм болоо?” хэмээн Сэнгүм хөгжилтэй хэлсэнд Хасар “Харин тийм. Би ч бас гайхаж байна. Гэхдээ үзэсгэлэнт бүсгүйн гараас бэлэг хүртсэндээ таатай байна шүү. Хоёр дахь удаагаа уулзаж байгаа ч олигтой танилцах боломж олсонгүй” гээд зүүлтийг хүзүүндээ зүүжээ.
“Чи Христ итгэгч байж наад зүүлтээ яагаад хүзүүндээ зүүж байгаа юм? Тэгтлээ сэтгэл алдраа юу?” хэмээн Сэнгүм ёжтой асуулаа. Хасар “Би үүнийг сайхан бүсгүйн бэлэг төдийд тооцох тул сахиус мэт ач холбогдол өгөхгүй байна. Та харин өөрийнхийгөө яах болж байна?” гэв.
Сэнгүм “Би мөн адил утгаар авсан ч хариад таарсан эхний ламд л өгнө дөө” гэжээ.
Хасарт “Эд их сэжигтэй хүмүүс байна. Болгоомжтой байгаарай” гэсэн Тэмүжин ахынх нь үг санагдсаар байлаа.

Хутган үзүүрт урт хулсан жадаа туялзуулан гэдрэг татаж урагш нэг алхаад “Дайснаа ойртмогц жадаа түлхэн хатгахдаа зэвний ард зүүлттэй хар цацгийг эрчлэн эргэлдүүлж хаана нь онохоо мэдүүлэлгүй хуурч чадвал түүнийг амархан устгана” гээд биечлэн үзүүлэх багшийнхаа хөдөлгөөнийг дуурайн давтах цэргүүдийн дэргэдүүр хоёр морьтон ергүүлэн өнгөрлөө.
Гял цал болсон хөнгөн хуяг, дуулга өмсөж зэр зэвсэг агссан тэр эрс тус бүр уран хийцтэй ширэн ганзага тэнцүүлэн тохсон нижгээд морь хөтлөжээ.
“Ахаа, Хэрэйдүүд энэ олон цэрэг хуралдуулан бэлтгэл хийлгэж буйг харахад Ван хааны татвар нэмснийг эсэргүүцсэн ардын бослогыг дарахад арай л олдоод байх шиг санагдахгүй байна уу, танд?” хэмээн Билгүтэйг асуухад “Тиймээ. Эднийг давхар зорилготой бэлдэж байх шиг байна. Чингэм нэгэнт эрийн цээнд хүрснээ батлаж их цэргээ удирдан бослого үймээнийг дарахаас гадна гадагш аян дайн хийж нутаг орноо тэлэх далд санаатай байгаа бололтой. Олзоосоо олондоо хүртээвэл ардын сэтгэл амрана гэж бодоо байлгүй.
Чи бид хоёрыг Ван хаан Тангадын ирээдүйн хаанд өргөмжлөгдөх Шударгын арван хоёр насны ойд бэлэг хүргүүлэхээр зүгээр ч нэг илгээсэн биш бизээ. Тэдний цэрэг эрс, ард олон, газар орны байдлыг замдаа сайтар ажиглаж ир гэсэнг санаж байгаа биз? Биднээс гадна хэдэн хэдэн хүнийг хөрш улсынхаа хаадад бэлэг өргөх нэрээр явууллаа шүү дээ” гэж Хасар хэлэв.
“Тэгвэл удахгүй дайн дэгдэхнээ. Харин яагаад биднийг сонгож илгээдэг билээ?” хэмээн Бэлгүтэй лавлав. Хасар “Илгээсэн хүмүүс нь бүгд цагаачид байналээ. Хэрэйдийн нутгийн дээс алгасвал тэдэнтэй учрах дайсан элвэг гэж тооцсон болов уу? Бидийг замд өстөн уулгалбал элчид халдсан гэдэг нэрээр дайн дэгдээх шалтаг л болох байхдаа” гэжээ.
Урьд үзээгүй олон уул, усыг гатлан хэд хоног аялахдаа хорвоо дэлхийн өргөн ихийг бахдан биширч, ийм уужим орныг захирсан хаан байдаг бол ямар агуу хүн байхыг хэлцсээр явсны эцэст Тангадын хааны Хар хотын чулуун хэрмийн үүдэнд тэд хүрчээ.
Ирсэн зорилгоо харуулын цэргээр дамжуулан уламжилсанд хаан үүдийг нээж зочилохыг зөвшөөрөв.
Хааны ордонд тэднийг хүргэхээр замчлах хөтөчийг даган чулуу өрсөн урт замаар зэрэгцэн алхах зуураа Хасар, Билгүтэй хоёр хэрмийн доторхийг ажиглан явлаа. Хэрмийн өндөр ханыг даган өгсөх чулуун шаттай байх бөгөөд хэрмийн дээгүүр цэргүүд холхино. Суврагууд нь чимэг төдийгүй харуулын цамхаг ажээ.
Ордонд дөхөж явтал хөтөч зог тусч саатаад замаас гарч газарт нэг хөлөө өвдөглөн нугалж суумагцаа тэднийг мөн дуурайхыг сануулан дохив. Харвал нуруундаа дэлэм хэрийн урттай өнгө өнгийн дарцаг намируулсан олон жад үүрээд элдэв өд хатгасан сүрлэг дуулганыхаа унжлагаар нүүрээ далдалж, хуягныхаа зүйлт хонх сэлтийг харжигнуулсан сүр бараа ихт бөө өөрөөс нь хавьгүй даруу ч мөн л сүрхий өмсгөлт түшээ бололтой хүнийг дагуулан тэдэнтэй зам зөрөх янзтай ирж явлаа. Хасар,Билгүтэй хоёр ёсыг сахин дуурайж сөхөрлөө.
Хасар “Тангадын хааны цуутай удган гэлцдэг нь энэ мөн буй зай?” хэмээн хөтчөөс асуухад “Хөгшин удганы лагшин чилж хэвтэрт орсон тул түүний орыг залгахаар залагдсан шинэ удган. Эднийх анхны догшин зайрангаас хойш хэдэн үеэрээ Тангадын төрд зүтгэж байгаа билээ. Тун их чадал эрдэмтэй удган даа” хэмээн бахтай хэлээд тэргүүнээ бөхийлгөн ёслов.
“Гадаах байдлаараа ч айхтар сүртэй золиг юм. Шид ид нь хэр юм бол доо?” хэмээн дүүдээ хандан шивнэсэнд Билгүтэй “Хараалч юм гэнэлээ. Аяар байгаарай ах минь” гэж хариу шивнэв.
Удган тэдний дэргэд ирэхэд Хасар санамсаргүй мэт хөдлөн богино жадныхаа ишийг хөлнийх нь өмнүүр түлхэж орхисонд цаадах нь бүдэрчээ. Тэнцвэр алдсан удган хүнд хуягандаа дийлдээд золтой л уначихсангүй. Ард нь дагаж явсан хүн шалмаг хөдлөн тэнцүүлж тогтоогоод Хасарын жадыг төө хол үсэртэл нь өшиглөж орхив.
Хилэгнэсэн удган гивлүүрээ сөхөж түүнийг хялаан харснаа “Хасар чи энд юу хийж явдаг билээ?” хэмээн уурлахаасаа илүү эргэлзэж гайхсан өнгөөр уулга алджээ. Хасар ч удганы царайг хараад гайхсандаа “Хүрээлэн, чи юу? Би чамайг их харуулдсан шүү. Ойрд манай түүгээр ан хийж үзэгдсэнгүйн учир энэ байжээ” хэмээн мөн дуу алдлаа.
Хүрээлэн “Чи намайг олоод иржээ?” хэмээн зөөлөн хэлэхэд “Тангадын хараалч удган гэдэг нэр үүнд зохихгүй бололтой” хэмээн Билгүтэй боджээ.

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Mar.02.17 7:05 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
Хасар, Бэлгүтэй хоёр Тангадын хааны өргөөнд Хэрэйд улсын хааны зараалаар хэд хоног саатан зочлоод нутаг буцах замдаа хилийн заагт буй оорцог толгойн оройд аяны дөрөө мултлан бууж түүдэг ноцоон урт цагаан утааг суунаглуулж цайлан суув. Ажвал тэрхүү довцгийн хярыг эмжих модноос цааш их ой үргэлжилсээр алсын ууланд хүрчээ.
Тэдний тухалсан газрын доохон уулын хормойд хэсэг адуу бэлчихийг шинжвэл хавар цаг тул эцэнхий туранхай нь элбэг үзэгдэнэ. Хасар “Сайхан нутаг юм даа. Энэ газрыг булаалдан тэмцсэн олон дайныг бодвоос аргагүй мэт ажээ” хэмээхэд “Тиймээ. Сайхан нутаг байна. Дайлахаар бол одоо л дайлах цаг нь биш үү? Тангадын хаан сэтгэл тавгүй байхыг анзаарлаа. Дотоодын тэмцэл нь Хэрэйдийнхээс илүү бололтой. Тэгээд ч түүнийг залгамжлах жонон нялх байна” хэмээн Билгүтэй хэллээ.
“Чамтай санал нийлж байнаа. Дээр нь адуу нь туранхай байна. Ван хааны хэрхэн шийдэхийг бид яаж таах билээ. Харин чи хааных нь сэтгэл тавгүйг үнэхээр анзаарав уу? Надад мэдэгдсэнгүй шүү. Хаан ширээнд залрахын тулд олон жилийн тэртээд эцэг хаанаа шадар сайдтай нь цуг хөнөөсчихсөн юм гэнэлээ хэмээх цууг л олж дуулав” гэжээ.
“Ах та энэ хэдэн хоногт Тангадын төрийн удганатай ихэд дотносон нөхөрлөж тун сэхээ завгүй байсан болохоор бусдыг яахан анзаарч дүгнэх билээ. Та тэр бүсгүйд ухаангүй дурлаж орхижээ дээ” хэмээн Бэлгүтэй ахаа шоолов.
Хасар “Хүрээлэн онцгой бүсгүй тул би анх хараад л эрхгүй татагдсан юм. Түүнтэй цуг байхыг хүсэвч буцах цаг болсон тул аргагүй боллоо. Эргэн ирэхийн завшаан дахин гараасай хэмээн мөнх тэнгэртээ залбирч байна шүү” гэхэд дүү нь түүнийг данхин элэглэн хөхөрчээ.
“Чи өөрөө бас нэг аятайхан залуу бүсгүйтэй нийлчихээд ордны хашаанд ч, гадаа гудамжинд ч мөргөх шахам зөрөөд байсангаа юу гэж тайлбарлах вэ?” хэмээн ах нь өдөж асуув. “Тэр чинь харин намайг дагаад салахгүй байсан юм шүү. Эхэндээ дуртай биш байсан ч сүүлдээ үнэндээ би түүний ирэхийг хүлээдэг болчихсон. Тэгэхдээ арай л тань шиг дурлаагүй ээ” гэсэнд Хасар түүнийг энэ удаад шоолон хөхрөв.
Тийнхүү хөгжилдөн байх зуурт модон дотроос нэгэн морьтон гарч ирээд тэднийг чиглэн шийдэмгий алхуулсаар дөхөж ирлээ. Өндөр хүрэн морьных нь хондлойд тохсон ширэн тохом дээр ирвэс цомцойн суужээ.
“Юун хүн бэ?” хэмээн өндийсөн Хасар саравлан харж байснаа “Арай энэ чинь ...” гээд улмаар лавлан ширтэхэд Бэлгүтэй босоод “Таны хараа хурц шүү дээ. Таньдаг хүн шиг байна уу? Арай удган оргоод ирж байгаа юм биш биз” хэмээн мушийгаад саравчлан харлаа.
Тэр хүний энгэрээ даган шидсэн урт гөрмөл гэзэгнийхээ үзүүрийг боосон суранд том цагаан өд хатгаж, ташааг нь дагасан цацагтай сонин өмд өмссөнг Билгүтэй гайхан ширтэж зогсов.
“Тэмүжин ах биш үү?” хэмээн Хасар уулга алдсанд Бэлгүтэй “Ай” хэмээн чихэндээ итгэсэнгүй тул эргэлзэн хэлээд нягтлан ширтэж байснаа “Мөн байна. Ах мөн байна” хэмээн дуу алдаад тосож золгохоор ухасхийв.
Ван хаан “Мэргэдэд зорчсон элчүүд маань эзний ивээлээр амгалан яваад иржээ. Манай талаар сайн үгт захиа бидэнд илгээж хоёр аймаг харилцан ойлголцох, хавсрах алив асуудлаар санал солилцоход бэлэн гэсэн байна. Үүнийг өөрөө уншиж үзээд бодлоо хуваалцана биз” гээд торго мэт нимгэн ширэн дээр хайрч бичсэн хуулиастай захиаг хүүдээ өглөө.
“Бидний өргөсөн бэлэг ч тэдэнд таалагдсан бололтой. Хариуд нь энэхүү уран чимэгт мөнгөн загалмайг бүтээлгэн илгээжээ” гэсэнд Чингэм сонирхон үзэх зуураа “Захиаг уншиж судлъяа. Есүхэйн ар гэрийнхэн манай нөмөрт байгаад эмзэглэж буй шинж мэдэгдсэн гэнэ үү?” хэмээн асуулаа.
Увас Мэргидийн Дайр усун ярианыхаа далимд тэднийг цухас дурсаад “Эзгүй ууланд эцэггүй улс эцэж явснаас Хэрэйд аймгийн Ван хаанд үйлчлээд хоолтой суугаа нь болж дээ зайлуул” гэсэн гэнэ гээд хөхөн инээжээ.
“Хаан эцэг минь тэд Мэргидүүд инээднийхээ цаана хорслоо нууж байгаа биз. Биднийг бусдаас түрүүлж оролдох магадлалтай, хүчиндээ эрдсэн улс даа” гэж Чингэм хэлсэнд Ван хааны инээмсэглэсэн царай хувирч “Чиний хэлдэг түмэн зөвөө. Чамайг ингэж хэлээсэй гэж хүсч байлаа. Гурван Мэргидийн холбоо яваандаа манай хүчтэй дайсан маань болж мэднэ шүү” гэв.
“Тангад руу илгээсэн хоёр элч маань буцаж ирэх дөхсөн баймаар юм. Замд нь саад учраагүй л байгаасай” хэмээх Чингэмийн үгнээс Ван хаан түүний сэтгэл үнэн зовно уу аль эсвэл хүчирхэг цэргээ ахлан тулаанд орох шалтаг гарсан байгаасай гэж хүснэ үү гэдгийг үл таньжээ.
“Тэд наран өдрийн залбирал дээр амжин ирж оролцоод орой нь Тангад улсад зорчсон талаар танилцуулах учиртай” гэвэл Чингэм “Өнөөдөр чинь гал өдөр. Тэгэхээр ус, мод, төмөр, шороо гээд нар болохоор дөрөв хоног хүлээхнээ. Хасарынхан өнгөрсөн долоо хоногт буйр сэлгэж хөдөө хаваржихаар нүүсэн гэнэ. Яагаад тэдний гэрийнхэн Хасар, Билгүтэй хоёрыгоо ирэхийг хүлээлгүй яаран нүүв гэдэг танд сонин биш байна уу?” гэж Чингэм асуусанд “Тэднийх чинь овоо хэдэн хонь мал, адуу уналагатай айл болохоор хотын захаар тойрч амьдрах нь дээр байсан бизээ. Харин ахмад хөвгүүдээ үгүйд нүүдэг нь гайхалтай” гэж Ван хаан хэллээ.
“Мэргидүүд, Тайчууд тэднийг бидний нөмөрт байгаа тул халдаж зүрхлэхгүй байсанг ойлгож л байдаг байлгүй. Холдох тусам аюултай баймаар” гэв.
“Тэд хэдий холдон нүүвч манай иргэний тоонд яваа тул бусад аймаг отгоос эрхэнд нь халдаж зүрхлэхгүй. Тэглээ гэхэд аян дайн өдүүлэх сайхан шалтаг бидэнд гарах биш үү? хэмээн Ван хаан хэллээ.
“Тэмүжин харьж ирсэн гэдэг сураг байна. Тэр л гэрээ нүүлгэх шийдвэр гаргалаа гэж би таамаглаж сууна. Хэрэв тэр үнэн бол Тэмүжин удахгүй ирж уулзах биз. Түүнийг өмгөөлөлдөө авахдаа бодолтой байх нь дээр. Өөрөөр нь хүсэлт гаргуулвал хочим дуулгавартай байх биз” гэж Чингэмийг хэлэв.
“Тиймээ. Тэдний эцэг Есүхэй баатрын надад үзүүлсэн тусыг ар гэрт нь хэдийнээ хариулсан тул Тэмүжинг сайн гуйлгаж байж албатаа болгох санаа чинь тун зөв. Тэр манай нэгэн сайн баатар болох биз. Баатарыг мянган өдөр тэжээж нэг өдөр ашиглана гэсэн үгтэй юм. Энэ өргөн тал нутгийг бид захирах цаг мөдхөн ирнээ” хэмээн Ван хаан хэлээд ширээн дээрх газрын зургийг хуруугаараа чичив.

Эцэг хүү хоёр Хэрэйдын хааны өргөөнд зандан ширээ тойрч суугаад тийнхүү хэлцэх цагт ах дүү гурав Тангадын хилийн дээсэн дээр бадрах түүдэг тойрч суугаад дараахыг хэлцэв.
Хасар “Ах минь та их удаан эзгүй байлаа. Хаагуур яваад ирэв?” гэхэд Бэлгүтэй “Та биднийг энд тосож байсан юм уу? Эсвэл санамсаргүй таарав уу?” хэмээн уралдан асуужээ.
“Би өвөг дээдсийн өлгий нутгийг зорьж өргөн тал, өндөр уулс, их усыг гатлан элдвийн явдалтай учирч, хорвоогийн сайн муугийн ялгааг таньж ирлээ” гээд ганзаганаасаа урт ишт модон гаанс авч тамхи нэрэн сороод дүү нартаа дамжуулбал тэд сонирхож үзээд “Түй, паа” болон тургиж хахаж цацав.
Ах нь үлдсэнг сорж төгсгөөд “Энэ таатай зүйл биш ч тэнд үүнийг эв найртай золгосны билэг болгодог юм. Сурах хэрэггүй” хэмээн далд хийжээ.
“Та хоёрыг Тангад руу элчээр томилон явуулсан тэр өдрийн орой ах нь гэртээ харьж ирсэн юм. Ээжүүд, дүү нартайгаа үүр цайтал хуучилж хонов. Маргааш нь гэрээ хотын зах руу нуулгэж буурь сэлгээд хойноос чинь мордсон” гэлээ.
Хасар “Та гэрээ нүүлгэдэг нь зөв шүү. Таныг буцаж ирсэн тухайд хүмүүс нэг хэсэгтээ мэдэхгүй байх нь зөв” гэтэл Бэлгүтэй “Хэрэйдүүд дайнд бэлдэж байх шиг санагдав уу танд?” гэлээ.
Тэмүжин “Тиймээ. Би тэгэж бодоод нүүлгэв. Тэд дайнд бэлдэж байгаа нь илт байна. Өрх бүрээс нэг эрийг цэрэгт дайчлах хааны зарлиг гарсан гэнэ. Манайхаас нэг нь цугларалтанд явах болж байх шиг байна.
Ван хаан бодлоо тун ухаалгаар далдалжээ. Татвар нэмсэнг эсэргүүцсэн бослогын удирдагч нь Ван хааны дотны хүн байна” гэсэнд Бэлгүтэй “Тэгвэл хуувилдаан байхнээ” хэмээв.
“Тиймээ. Бослогыг дарах цэрэг цуглуулж буй мэт үзүүлж бусад хаадыг төөрөгдүүлж байна” гэв.
Хасар “Ван хаан дайсныгаа бэлтгэлгүй байлгах санаатай байх нь” гэв.
“Яг тийм. Ингэж цаг хожиж хүчээ зузаалж авах нь хуучны арга. Тэгээд шалтаг гарахыг хүлээнэ дээ” хэмээн Тэмүжин хэллээ.
“Дайн дажингүй тайван амьдрах цаг байдаггүй юм байх даа” гэж Хасар хэв.
“Зам дээр хэвтсэн олон толгойт нэг сүүлт могой ийшээ тийшээ гэж маргалдсаар тэргэнд дайруулсан үлгэр шиг энэ олон аймгууд өрсөлдсөөр байгаа цагт амгалан амьдрал ирэхгүй. Нэг толгойт олон сүүлт могой ганц тэргүүнээ дагаад тэргэнд дайруулалгүй амьд үлджээ гэдэг. Наран мандахаас наран шингэх зүгт буй бүх ардыг нэгэн хуулийн дор нэгтгэх захирваас амар амгалан ирнэ” гэж Тэмүжин итгэлтэй хэллээ.
Тэд зүлгэн дээр гэдрэг харан хэвтээд тэнгэрийг ширтэв. “Тэнгэр хэр гүн бол? Хязгааргүй гүн байх даа?” гэж Билгүтэй гэнэт асуулаа.
“Тэнгэр бас хязгааргүй урт наст бизээ” гэж Хасар хэлэв.
“Хүмүүс хэдхээн жил амьдардаг байтал энэ мөнх хөх тэнгэр хязгааргүй хугацаанд оршиж, хязгааргүй гүн ажээ. Цаашид хэрхэн амьдрахыг маань мөнх хөх тэнгэрийн таалал мэдтүгэй гэж хэлээд босоход дүү нар нь дагаж босоод “Мөнх хөх тэнгэр мэдтүгэй” гэжээ.
Тэмүжин “Хэдүүлээ эртхэн замдаа гаръя. Та хоёр Ван хааны заасан цагт амжиж очоод явсан хэргээ илтгэ. Дараа нь Билгүтэй хоёул Бөртэ-Үжинг авч ирэхээр Хонгарид аймаг руу зорьё” гэсэнд дүү нар нь “Мэдлээ” хэмээн хариулжээ.

Үзэсгэлэнт бүсгүй Хүрээлэн өөрийг нь бишрэн ширтэх залуу баатарт сүмбэн цагаан хуруундаа гогодсон суран оосорт алтан зүүлтийг зүүлт өгөхдөө түүний баярлан хөөрсөн царайг дахин нягтлаад “Хасараа, чи юундаа догдлоод байгаа юм бэ?” гэв.
“Анх бид уулзаж танилцахад чи надад хээрийн цэцгээр сүлжсэн зүүлт үлдээгээд явж билээ. Түүнийг чинь би их удаан хадгалсан. Одоо үүрд хадгалж явахаар зүүлт өгч байхад баярлаад тэр бизээ” гэлээ.
Бүсгүй “Чи надад их сайн юм аа? Намайг хэн ч чам шиг үнэнээсээ хайрлаж байгаагүй. Бүгд надаас айж эсвэл надыг хүмүүн бусаар доромжлон харьцаж байдаг. Би хэн нэгэнд хайрлуулж, хэн нэгнийг хайрлах тавилангүй, нүгэл хурааж явах заяатай хараалч удган шүү дээ” гэв.
Хасар “Чамайг би хэн ч байсан хайрланаа” гэсэнд Хүрээлэн гартаа байгаа зүүлтийг харснаа “Би ерөөсөө энэ зүүлтийг чамд өгөхгүй ээ” гээд цүнхэндээ буцааж хийлээ.
Хасар санаа алдаад “Яагаад өгөхөө болив? Би их баярлаж байлаа” гэв.
Хүрээлэн “Үүнд хорт мэлхийн цус шингээсэн юм. Биенд чинь нэвтрэх хор удаан хугацаагаар үйлчилж аажимдаа үхүүлэх болно. Тангадын төрийг мөхөөх их баатар төрлөө хэмээсэн эмэг эхийн минь төлгийн дагуу нүүдэлчдийн дотроос хаан болж мэдэх эрсийг манай удмынхан элдэв аргаар хөнөөсөөр ирсэн билээ” гэсэнд Хасар тэсвэр алдан хилэгнэж “Олон хаадын хөвгүүд эндэн үрэгдэж байсны учрыг одоо ойлгов. Чиний Чингэм бид хоёрт өгсөн зүүлт бас тийм хортой байжээ? Чингэм зарцдаа өгч, би ханын толгойд өлгөсөн нь зөвдөв. Чамайг би тас чавчиж орхие” хэмээн сэлмээ далайжээ.
Хүрээлэн гэмшсэн биш үзэн ядсан харцтай болоод Хасарын өөдөөс ширтсэнд уурлаж улаасан залуу баатрын царай агшинд хувирч цонхийж цайсан хилэнт царай болон хувирав. Тэр зүүдэлж байсан байжээ.
Хар дарсан охиныхоо зүүдийг тайлах гэж нүүр тулган шинжин байсан эхээ хараад цочсондоо түүнийг түлхэн унагаад Хүрээлэн үсрэн бослоо.
Эх нь түүнийг гайхах мэт цоо ширтэн сууснаа дэвхрэн босч сэгсрэг үстэй толгойгоо сэжлэн ам хамраасаа хөөс цахартал бөөлж, хэнхдэг цээжээ уран бархирч байснаа түс хийтэл сөгдөв. Урцны хойморт бадамлах гуулин цөгцтэй дэнгийн бүдэг гэрэлд удганы сүүдэр амьтай мэт хөдлөхийг богино жаданд зоосон хохимой толгойн ясан дээр зүүрмэглэж байсан хэрээ сэрээд ажиглаж суув.
Удган охиныхоо зүг чичлэн заагаад “Чи юу зүүдлээд байнаа? Хасарыг үхүүлмээргүй байна гэнээ. Есүхэйн удмынхан захирах ард, нүүх нутаггүй болсон тул Тангадын дайсны тооноос хасагдсан нь тэднийг өдий хүртэл амьд явуулсан билээ. Гэтэл тэднийг тонилгох нь зөв бололтой.
Хүнд байдаг хайр чамд байх ёсгүй. Зайран тэнгэр өвөг эцгээс эхлээд миний эх хүртэл бүх хараалч бөөнүүд өөрийн бие дээр зөвхөн зовлонг хурааж бөөлсөөр шидийг бүтээж дайсныхаа эсрэг тэр шаналлаа нулиман тургин хараасаар Тангадын төрийн дайсны сүрийг дарж ирсэн юм.
Чамд сэтгэл зүрх гэж байх ёсгүй. Зайран өвөг эцэг бүтээсэн хараалын тарниа номхотгож чадаагүй тул түүний үрийг бид долоон үеэрээ эдлэн зовох үйлтэй болсон. Хэрэв хараал жатгаа хийхгүй бол дараагийн олон үед зовлон тасрахгүй юм гэдэг. Иймд зайрангийн өрдсөн нүглийг барж арилгахыг тулд долоо үеэ дуустал хараалын тарнийг таслахгүй байх учиртай. Есүхэйн хүүхдүүдийг басаж суух зуур тэд дайчин эрс болжээ. Чи тэднийг харааж, хордуулж хорло” хэмээн шивнэжээ.

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Mar.04.17 2:57 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3331
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
+1
Daraa ni nemj oroh bol uu..?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Mar.11.17 5:40 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
Залуу эр том том алхаж заримдаа гишгүүр алгасан өгссөөр Ван хааны өргөөнд ороход хаан эцэг нь өглөөний залбирлаа дуусгаад баринтаглан боосон судрыг байранд нь эргүүлэн тавихаар олон номтой тавиурын хамгийн дээд талд хүрэхийг хичээн өлмий дээрээ зогсоод зүтгэж байжээ.
Сэнгүм “Библи” судрыг авч духандаа хүргэн адислаад огт төвдсөн шинжгүй дээд талын тавиурт тавьсанд Ван хаан хүүгээ том эр болсонг сая харсан мэт бахтай ширтэв.
“Та сайхан амрав уу? Тун сонин мэдээтэй ирлээ дээ” гэж Сэнгүм мушийн хэллээ.
“Сайхан амрав. Чи сайхан амрав уу? Ийм эрт яаран орж ирэхийг бодвол онцгой мэдээ байж таарлаа” хэмээн хаан тогтуун хэлээд хүүгээ ширээнд урьжээ.
“Уг нь өнөөдөр сайхан амрах санаатай хэвтэж байтал буухай элч ирж энэ мэдээг дуулгав. Босохоос аргагүй боллоо. Олигтой амарсангүй ээ” хэмээн Сэнгүм хэлээд Ван ханыг шинжвэл өөрөөс нь өмнө түүний хэлэх мэдээг дуулсан шинжгүй байлаа.
“Өчигдөр Мэргидүүд Тэмүжингийн гэрт халдаж гэнэ дээ. Тэд зугтаж амжсан боловч Бөртэ үжинг нь булаан авч оджээ.
Мэргэдийн Их Чилэдү хуримлаад харьж явахад нь Есүхэй баатар түүний хатан болсон Өүлэн үжинг булаасан эртний өсийг тэд ингэж авах учиртай байж дээ. Ямартай ч бидэнд дайн өдөөх шалтаг гарлаа даа” гэв.
“Тайчууд аймгийнхан Тэмүжинг хэдэн жилийн өмнө “Хурганы үс гуужив. Төлөгний бие төлжив” хэмээн барьж цаазлахыг оролдсон ч хасаг тэрэгний дугуйнаас өндөргүй байсанд нэрлэхээд амьд үлдээсэн гэдэг. Тэр бол тэдний хаан ширээнд өрсөлдөх хүмүүсийн нэг гарцаагүй мөн юм.
Тэмүжинг одоо богтой байтугай бодтой ч зүйрлэхээргүй том эр болсон тул тэд бүр ихээр айж байгаа. Гурван Мэргид уулгалсны цаад санаа нь Чилэдүн өсийг авах явдал бишээ.
Тэмүжин эрийн цээнд хүрсэн тул Хамаг Монголын хаан ширээнд залрах заяат манай хүчирхэг Хэрэйд аймгийн төлөө зүтгэвэл Тайчуудад төдийгүй Гурван Мэргидийг ч айлгах бэрх дайсан гарч ирнэ хэмээн болгоомжилж устгахыг оролдсон байна.
Ухан бодвоос Есүхэйн ар гэр манай нөмөрт байгааг мэдсээр байж биднээс зөвшөөрөл авалгүй тэдэнд халдсан нь Хэрэйд аймгийг бассан хэрэг боллоо” хэмээн Ван хаан хэлэв.
Сэнгүм хилэгнэн уурлаж “Тэмүжин хэдий бидэнтэй ирж уулзахдаа хадам эхийнхээ инжинд өгсөн булган дахыг бэлэг болгон өргөж хүндэтгэл үзүүлсэн ч Хэрэйд аймагт дагаар орох талаар ам нээгээгүй билээ. Иймд түүнийг манай харъяат гэхэд хэцүү.
Уг нь Тэмүжин өөрийнхөө толгойг дураар мэдэж нүүснийх нь гор гарсан болохоор “Хохь чинь” гэмээр байвч түүнийг өмгөөлсөн нэрээр Гурван Мэргид рүү цэрэг хөдөлгөх шалтаг гарчихлаа. Хэрхэхийг та мэдтүгэй” гэжээ.
Ван хаан сэнтийндээ тухлан залраад нүдээ анин тунгааснаа “Бид яаран шийдвэр гаргах хэрэггүй. Тэмүжин одоо яахыг харъяа. Мэргидийн Их Чилэдү түүний эцэг Есүхэй баатарт хатнаа булаалгаад эргэж харалгүй хулчийн одсны үлгэрийг давтах ч юм билүү” гэсэнд Сэнгүм өөрт энэ мэт явдал тохиолдвол хэрхэн билээ хэмээн эрэгцүүлээд “Эцгийн үг цэцэн ажээ. Тэмүжин одоо юу хийхийг харзная” гэв.
Тэднийг тийнхүү хэлцэн байтал Ван хааны өргөөнд эрх охин Чагур Бэхи нь хааны залуу хатнаас төрсөн охин дүүгээ хөтлөөд гүйхээрээ год хийн орж ирлээ.
“Өглөөний мэнд хаантан! Өглөөний мэнд жононтон!” хэмээн охид мэндлэв. Хаан аав, жонон ах хоёр нь хариу мэндлэхтэй зэрэг шахам давхцуулан “Та нар дуулав уу? Хасарын гэр лүү Мэргэдүүд халдсан гэнэ. Хасар гайгүй байгаа?” хэмээн асуужээ.
Ван хаан “Дуулсангүй. Үнэн гэж үү? Хэн тэгэж байна?” хэмээсэнд Сэнгүм “Миний дүү тэднийхийг одоо Хасарынх гэхгүй Тэмүжингийнх гэдэг болсонг мэдээгүй юм уу? Чи ордонд Хасарыг ирэх тоолонд бараадан дагаад байдаг байснаа одоо бүр санаагаа зовоон сураглах болжээ. Сэтгэлтэй болчихоо юу?” хэмээн тоглож асуулаа.
Ичсэндээ хэрхэн хариулахаа бодон минчийж зогсоо эгчийнхээ хөөрхөн царайг харж байснаа отгон охин “Хасар ах мундаг баатар. Том болохоороо би түүний хатан болно” гэсэнд бүгд “Цөг чи” хэмээн зандраад түүнийг шоолон хөхрөлджээ.

Тэр өдрийн наран зулаа дээрээс тусах цагт Тэмүжин, Хасар хоёр Туулын Хар шугуйд буй Ван хааны өргөөнд зорин иржээ.
Ван хаан хүү Сэнгүмийн хамт тэднийг үдийн зоогийн ширээнээ урин суулгаад явдал зорилгыг нь сонсон ярилцав.
Тэмүжин “Их хаан таны өгөөмөр тус ивээл дор манай гэрийнхэн намайг эзгүйд хэдэн оныг амар амгалан өнгөрөөжээ. Түүний ач тусыг өчүүхэн би хэрхэн энгийн үгээр илэрхийлэн талархаж барах билээ. Ганцхүү дэмий л догдлон бодож хэрхэн хариулах тухайгаа олж ядна” гэв.
Ван хаан “Танай эцэг Есүхэй баатар намайг зүдрэх цагт туслаж хамгаалсанг ямагт санан бахдаж явдаг миний сэтгэлийн хэмжээтэй харьцуулбал наадах чинь өчүүхэн талархалын үлгэр төдий юм даа” гэжээ.
Хасар “Их хаан минь та дуулсан байлгүй. Гурван Мэргид өчигдөр манай хот айлд дайран ирж сүйтгээр явлаа. Үүнийг та хэрхэн болгоож байна даа?” гэв.
Сэнгүм “Та хэдийг манайхаас салж одлоо хэмээн үзээд эзгүйчлэн дайрсан бизээ. Тэмүжин уг нь Есүхэй баатрыг амьд сэрүүнд аавын өргөөнд байнга ирж бидэнтэй тоглож өссөн болохоор сайнаар хэлбэл бид ахан дүүс энгийнээр тунгаавал манай харъяат ч гэж хэлэхээр санагддаг. Иймд түүнд тохиолдсон зовлонг хуваалцаж дэмжих тухай Хаантан түрүүхэн сануулж байсан юм шүү“ гэв.
Ван хаан “Танай гэр хот руу Мэргидүүд уулгалсан тухай дуулаад ихэд шаналж байлаа. Надад асуух гурван зүйл байна. Хариултыг чинь сонсож байж хэрхэн тус дэм болох нь зүйтэйг шийдэх гэсэн юм.
Нэгдүгээрт, сайн анд төдийгүй тангараг өргөн ахан дүүс болсон Жадрангийн Жамухад яагаад хандалгүй шууд манайхыг зорив?
Хоёрдугаарт, нэгэнт булаагдан хүнийх болсон Бөртэ үжинг эргүүлэн авахын зорилго юу байна? Хүсвэл Бөртэ үжинг мартаад Хэрэйд аймгийн гоо охидоос сонгон авахыг хүсвэл би дэмжих байна.
Гуравдугаарт, Хэрэйд аймаг Мэргэдтэй тулалдаж Бөртэг буцаан авч чамд өгвөл тал нутгийг хамарсан их дайн дэгдэхийн эхлэл тавигдах магадлалтай. Олны тусыг хичээн өөрийн хэргийг түдгэлзвэл ямар вэ?” гэжээ.
Тэмүжин “Хаан ахын туслах сэтгэлийг дуулаад сэтгэл ихээр догдлов. Таны тавьсан асуултыг хариулъя.
Нэгдүгээрт, Гурван Мэргидүүд цэрэг, зэвсгийн хувьд Жадран аймгаас илт давуу байгаа ч зоригт дайчин Жамух анд минь надад гарцаагүй туслана гэдгийг мэдэж байгаа. Хэдийгээр бид Бөртийг буцаан авч чадах боловч хүчирхэг өстөнтэй болно. Бар мэт Мэргэдийн өөдөөс чоно мэт Жадран дайрвал хоёул хүчээ дэмий үрэх буй заа.
Харин арслан мэт хүчирхэг Хэрэйд аймаг Мэргэд рүү халдвал тэд өвдөг сөгдөн сөхрөх нь гарцаагүй. Хэрэв Жадран аймгийг хүч хавсраач хэмээн их хаан та хүсвэл тэд гарцаагүй нэгдэх бизээ. Тэр цагт арслан, чоно хоёр барыг хялбар номхотгон эгнээндээ оруулж хүчээ зузаалбал тал нутагт хамгийн хүчирхэг холбоо байгуулагдана.
Хоёрдугаарт, миний арван настайд Есүхэй баатар эцэг минь Хонгирад аймгийн Дэй Сэцэний эрх охин Бөртэ үжинтэй сүй тавин гэрлүүлсэн билээ. Тэндээс туйлын жаргалтай буцаж явах замдаа сэрэмж алдан Татаруудад хорлогдож тэнгэрт хальсанг та мэднэ. Иймд би Бөртэг мартах нь эцгээ мартахаас ялгаа юу билээ. Тэгээд ч Бөртэ үжиндээ чин сэтгэлээсээ хайртай. Хэзээ ч хаана ч түүнийг зовлонд орхихгүй.
Гуравдугаарт, тал нутагт толхилцсон энэ олон аймаг хүч таруу, эв нэгдэлгүй байгаа нь дайсны хялбар зууш болох аюулыг бий болгоод байна. Тэгээд ч өчүүхэн оч үсрэхэд их дайны гал дэгдэх нөхцөл хэдийнээ бүрдсэнг хаа сайгүй түгшин шивнэгдсээр байгааг та юу эс андах билээ. Эртний хүчирхэг улсуудын жишгээр нэгдсэн Их Монгол улсыг байгуулах эхлэлийн оч миний голомтонд үсэрчээ” гэлээ.

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Mar.11.17 6:24 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3331
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
:wd: :hi:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Mar.11.17 9:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.26.17 6:58 am 
Offline
Зохиолч
User avatar

Joined: May.27.03 11:50 am
Posts: 108
Location: mongolia
Ван хаан “Чиний хариулт сэтгэлд нийцэв. Бөртийг чинь буцаан авч өгье. Харин морьдоо таргалтал хүлээж намар эрт дайрцгаая” гэсэнд Хасар хөмсөг зангидан ахыгаа харвал Тэмүжин гараа зүрхэн тушаагаа тавиад “Их хаан таны тааллыг ёсчлон дагая” гэжээ.

Арван хасаг тэрэг дээр бэхлэн мянгат болгоны ард байрлуулсан харангуудыг түн түн дэлдэх хэмээр жигдрэн жагсах их цэргээ довцгийн орой дээрээс бахдан харсан хан хүү Сэнгүм энгэртээ зүүсэн загалмайгаа сүжиглэн үнсээд Тэмүжинд “Бидний өөрөөс сөрсөн бүхнийг Ертөнцийн эзний ивээлээр сөхрүүлэх болно. Манай түмэн цэрэг, Жаха Хамбу авгын түмэн цэрэг дээр Жамух ахын түмэн цэрэг нийлээд бүслэхэд сэрэмжгүй суугаа Гурван Мэргидийн цэрэг тээрмийн чулуун завсар орсон арвай адил няцлагдана бизээ. Боржгин аймгаас түмэн цэрэг цуглуулахаар явсан Хасар, Билгүтэй хоёр амжин ирж хавсарвал тэд бүр эргэж өндийхгүйгээр мөхөх нь гарцаагүй” хэмээн айлдаад очир шигтгээт мөнгөн загалмай таягаа өргөсөнд тус бүр хоёр цэрэг мөрлөн зогсох арван ширхэг урт гуулин бүрээг баатар эрс дайсны зүгт чиглүүлээд тэнхээ мэдэн үлээсэнд үүссэн догшин аялгуу талын салхи хөлөглөн алсийг зорьжээ. Морьтон баатарууд хавийн амьтад сүрдсэндээ үргэн зайлмаар сүрийг үүсгэн дөрөөгөө мөргөлдүүлж, зэр зэвсгээ хангинуулан нэгэнтээ дохиолоод юунд ч үл торох бат нэгэн баг болж нягтран хөдлөв.
Ван ханы хатан хүүгийнхээ араас сүү өргөөд эр нөхрийнхөө дөрөөнд сүү дусаан домнох зуураа “Чи Тэмүжинг юунд тэгтэл ихээр итгэн дэмжив? Энэ хүн хүчирхэгжин өндийвөл чамд дайсан нэмэгдэх бишүү?” гэв.
Ван хан “Түүний ид хав нь ханажээ. Эцгийнх нь тусыг би хариулах цаг ирсэн шиг энэ ухаалаг, зоригтой баатар эр миний тусыг надад биш гэхэд хүүд минь хариулах өдөр ирнэ бизээ” гэсэнд хатан ширэв татаад “Чи төрсөн хүүгээ энэ мэт магтан дэмждэг билүү? Сэнгүм түүнээс дүү л болохоос эр бяр, эрдэм номоор илүү юм бишүү? Ямар баатар байтлаа хатнаа хүнд булаалгаад, бусдыг царайчлан явдаг байнаа? Бөртэ хэдийнээ хөл хүндтэй болоо байлгүй өдийд” гэв.
Ван хаан хатныхаа гарт байсан мөнгөн аягатай сүүг авч нэг мөсөн хөнтрөөд үлдсэнг “Эзэн минь өршөө” хэмээн тэнгэрт цацлаа.
“Тэмүжин Бөртэ үжингээ ямар ч үед, хэзээ ч зовлонд үлдээхгүй гэж байна билээ. Тэмүжин хатнаа тийм ихээр хайрлах сэтгэлтэй бас тийм ихээр хайрыг нь татах хүнтэй байгаад атаархаж байна шүү. Зөвхөн үүнийх нь төлөө түүнд туслахад ч болно. Тэмүжин болоод түүний дүү нар шиг эвлэсэн хүмүүсийг одоо хэн ч дийлэхгүй. Сэнгүмийг тэдний эгнээнд оруулах хэрэгтэй. Тэгсэн цагт манай жононгийн хүч зузаарна.
Түүнээс гадна надад Монгол аймгийг нэгтгэн нэг туурган дор Хэрэйд аймгийн атганд цуглуулах давхар хүсэл бий” гэснээ морио даврин цэргүүдийнхээ араас довтолгон одсонд хатан ард нь агаарт загалмай зуран залбирсаар хоцров.
Мөнх хөх тэнгэрийн оройгоор зорчих өвгөн бүргэд тал нутагт дэгдэх бас нэгэн тулааныг үзэх үйлтэй байжээ.
Алсад зэрэглээн дундаас суумэлзэх урт хөх уулсаар хүрээлүүлсэн Буур хээрийн тал хэмээх өргөн тавиу нутгийн голд буй Мэргидийн хотын гурван талаас морьтон цэргүүд далан сэтлэн садарсан үерийн ус адил довтолгосоор яах ийхийн зуургүй нөмрөн авлаа.
Хэдийгээр Мэргидийн шалмаг дайчин эрс дайсныхаа өөдөөс сөрөн боссон ч огт бэлтгэлгүй байсан тул төдөлгүй хүчин мөхөсджээ. Гурван талаас түрэх үхлийн өмнөөс тэмцсээр туйлдсан хүмүүс эцэстээ тэдний хооронд буй сиймхийгээр бүслэлтийг нэвтлэн гарахаар амь тэмцэн довтолгов.
Тэднийг харсан Тэмүжин улаан туузтай сумаар тэнгэрт харвасанд сум ханатал нисээд буухдаа туузны аясаар хийссээр дохио болон аажим газардав. Гэвч түүний чухам учир энэ биш билээ. Тэр дахин нэгэнтээ харавсанд өөр нэг сум нисэн ирж тэр сумыг оноод хөх тууз намируулсанд Тэмүжин “Хасар” хэмээн баясан хэлжээ.
Тулаан болж буй талбарын хоёр талаас Хасар Билгүтэйгээр удирдуулж хуваагдан орж ирсэн нэгэн түмэн цэрэг тэдний гадуур хүрээлэн буслээд их тойрог үүсгэн нар буруу эргэлдэн давхилдахыг үзсэн Тэмүжин алтан очироо жадандаа зүүгээд нар зөв эргүүлжээ. Түүний дохиогоор гурван замын гурван түмэн цэрэг нар зөв эргэж тэдний гадуур хүрээлэх нэгэн түмэн цэрэг нар эсрэг эргэн бүслэлтийг хумьсан нь тэнгэрт нисэх бүргэдийн нүдэнд тээрмийн чулуу эрчлэн эргэх мэт үзэгджээ. Тийнхүү гарах газаргүй болтол дайснаа голдоо оруулан шахсанд Мэргидүүд олноор үрэгдэхгүйн тулд арга буюу бууж өглөө.
Тэмүжин Чилгэр бөхийн гэрт дайран орж Бөртэгээ тэврэн авсанд Мэргидийн хүчит баатар Чилгэр бөх толгой гудайлган сөгдөв. Хасар гаднаас харцага мэт нисэн орж ирээд түүнийг шонхор мэт шүүрэн гадагш чирэн гараад тас чавчжээ.


Галын утаанд тэнгэр нь хиртэж, нар нь бүдгэрсэн их талын энгээр хөсөр гулдайх баатар эрсийн цогцос, адуу малын сэг дундуур олзонд гологдон үлдсэн хэдэн эмс, хүүхэд, эмгэд голдуу хөгшид гашуудан бархилдаж мунгинан бүдчсээр төрөл саднаа бэдрэн хайхыг Чилгэр бөхийн хагас шатаж үлдсэн ханхай гэрийн буйранд ёрдоох баганы оройгоос өвгөн бүргэд сонжих мэт ажиглана.
Нум саадаг агссан хоёр хүн хол хол алхлан тэр буйрыг чиглэн ирсэнд бүргэд баганы оройгоос дэвхрэн буугаад явгалан гүйсээр эвдэрч жаажийсан тэрэгний дээр хэвтээ сарамдай том бамбай дээр гарч суув.
“Хэрэйд аймгийн өөдөөс сөрөх хүчтэн цаашид гарахгүй нь бололтой. Тэд зөвхөн Тэмүжинд сүйт бүсгүйг нь олж өгөхийн төлөө ийм их дайныг дэгдээсэн байх учиргүй. Ван хаан илүү том зүйлд зорьж байна. Их Монгол улсын хаан болох санаатай ч байж мэднэ” хэмээн Хадаа хэлэв.
“Бид Сэнгүмийг гэнэн залуу, Тэмүжинг өнчин ядуу хэмээн басаж явсаар тэднийг хүчирхэг болгон алдлаа. Үүнээс хойш тэдэнд ойртож дөхөхөд хэцүү болсон бизээ. Одоо яавал зүйтэй вэ? Ах минь” гэж Хүрээлэн бухимдан занаж хэллээ.
“Чи бид тэднийг хөнөөх нь өнгөрсөн байна. Зөнөг хөгшин Улаан нүүрт Ли жанжны зөвлөгөөг дагах зам л үлджээ. Хаан ч түүний санааг дэмжиж байгаа. Сэнгүм, Тэмүжин, Жамух гурвын нөхөрлөлийг салгаж дунд нь яагаад ч үл ойлголцох цав суулгах хэрэгтэй. Тэгсэн цагт хоорондоо өрсөлдөж биесээ хөнөөх болно. Үүнийг хийхийн тулд Сэнгүмийн ард Ван хаан, Тэмүжингийн дэргэд дүү нар нь, Жамухын ард дүү нь байгааг санах ёстой.
Хасар чиний араас хөлөө хугалахаа шахам гүйдэг шүү дээ. Түүнийг одоо л ашиглаарай. Үүнээс хойш чи намайг ахаа гэж бүү дууд. Учир нь би чамайг “Төрийн их удган” хэмээн хүндлэх цаг нь ирлээ. Хаан чамайг ард нийтээрэй тэгэж нэрлэхийг зарлигдсан шүү дээ” хэмээн Хадаа хэлжээ.
Хүрээлэн түүнийг гайхан хараад “Ахаа гээд дуудахад юуны буруу байнаа. Та надаас холдох бодолтой болоо юу? Хатан чинь хардаад байна уу?” хэмээн хэллээ.
“Чи бид хоёрыг ах дүүс биш төдийгүй амраг хоёр гэдгийг ч удахгүй Монголчууд мэдэх болно. Хэдийнээ мэдсэн ч байж магад. Иймд одооноос байр байрандаа байсан нь зөв шүү” хэмээн Хадаа эрс хэлэв.
Тэд тийнхүү хэлцэн байтал дэргэд нь үхсэн мэт хэвтэж байсан хүн ухаан ороод хүндээр амьсгаадан өндийж суулаа. Тэр бол Хасарт цээжээ чавчуулаад хараахан үхээгүй байсан Чилгэр бөх байжээ.
“Долоон голтой амьтан юм даа чи” хэмээн Хадаа хэлээд түүнд дөхөж “Азгүй баатар минь чи бидний яриаг сонсоогүй байсан бол дээр байлаа. Сонссон бол үхсэн мэт чимээгүй хэвтэх ёстой байж дээ. Чамайг тонилгохоос өөр арга үлдсэнгүй. Хасарын дутуу бүгдийг би дандаа гүйцээж явах үйлтэй юмсанж. За үүрд сайхан амардаа” гээд сэлмээ сугалан далайв.
Чилгэр бөх түүнийг хорсон ширтээд “Чи наад удгантайгаа нийлээд Монголчуудыг мөхөөнө гэж гэнэн боджээ. Их баатарын сэлмэнд цавчуулан үхэж буйдаа миний сэтгэл ямар их амарч буйг ойлгох ч үгүй байсаар чи үхэх бизээ” гэсэнд Хадаа “Чи Хасарт алуулах хувьгүй байждээ. Би үргэлж түүний дутууг гүйцээхээс залхаж байна шүү” гэснээ “Хаа” хэмээн хашгираад түүний толгойг тас чавчжээ.

Ангийн олз арвинтай тул Сэнгүмийн сэтгэл дэрвэжээ. Тэр шадар хиануудаа хушуучлан хурдалсаар уулын оройд байх хаданд хүрч мориноосоо буугаад дүүлэх мэт мацсаар дээр нь гарч зогслоо.
Сэнгүм байгалын сайханг үзэн бишрэх зуураа “Энэ өргөн уужим сайхан нутаг бүхэлдээ минийх болно” хэмээн хажуудах цэрэгтээ бахтай хэлэв.
Дээш тэнгэрийг харвал орой дээр элэн халих бүргэдээс өөр торох зүйлгүй агаад салхи түүний чихэнд талын амар амгалан анирыг шувуудын жиргээтэй хүргэсэнд нүдээ аниад цэвэр тунгалаг агаарыг цээж дүүргэн сорж гараа алдлан зогслоо.
Түүний тав алдагдаж гайхах мэт нүдээ нээн орчныг нэгжин харсны учир бол цоорын гунигт аялгуу байжээ. Гэтсээр хадыг тойрвол нэгэн хүн алсыг ширтээд цоор үлээж суулаа. Түүнд дөхөж очоод Сэнгүм уулга алдан “Та чинь Хадаа байна шүү дээ. Амар сайн явна уу? Тантай энд таардаг нь урдын ерөөл байлгүй. Бодонд хадруулж үхэх аюулаас амь аварсанг чинь одоо ч мартаагүй байгаа. Таны үзэсгэлэнт дүү охин чинь хамт яваа юу? Тэр хаана байна?” гэв.
“Их хаан та тавтай морилж явна уу? Өчүүхэн боол би сайн явна. Тэр бүсгүй миний төрсөн дүү бишээ. Түүний удган эх нь миний ядуу, золгүй эцэг эхийг асран тэтгэж намайг өөрийн хүү шигээ хайрлан өсгөсөн тул түүний охинг би хамгаалан дэмжиж явдаг юм. Хүрээлэнтэй хар багаасаа тоглож наадсаар ах дүүс мэт болжээ. Бид хамт анд явах явдал бий. Тэр цагт таарсан хүмүүст тэгэж ойлгогдсон бололтой. Таныг нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой баатар юмаа гэж Хүрээлэн нэгэнтэй хэлж билээ. Үзэсгэлэнт бүсгүйд сайнаар хэлэгдэх юуны муу байх билээ, тиймээ?” гээд инээжээ.
Сэнгүмийн сэтгэл ихэд баясаад дэргэдэх чулуун дээрээ бахтай гишгэж ташаа тулан цэхрэв. “Тэр бүсгүй надад их таалагдсан. Түүнийг хоёр дахь эхнэрээ болгоё гэвэл ирэх болов уу?” гэв.
“Хүний санааг ямар таах биш. Талыг донсолгосон их хаан хүсч байхад очихгүй гэх хүн байх уу? Гэхдээ тэр чинь удган шүү дээ. Таны таалал яахыг шийдэх биз. Хүрээлэн энэ сайхан ууланд ирээд сэтгэл догдлов бололтой цэцэг түүхээр мод руу орсон. Одоохон ирнэ биз” гэж Хадаа хэлэв.
“Хадаа ахаа, эртхэн хөдлөе. Ээждээ санаа зовоод байна” хэмээн хөөрхөн алгаа амандаа барин хашгирсаар модон дотроос Хүрээлэн гарч ирээд олон морьтонг үзэж гайхан зогслоо.
Сэнгүм “Сайн явна уу? Хүрээлэл сэвгэр” гэсэнд түүнийг таниад мэхийн ёсолж “Хэрэйдийн хаан ор суух эрхэмсэг Жонон та сайн морилж явна уу?” гэжээ.
“Бидний ялалтын цуурайг та нар дуулсан байлгүй. Манайд очиж амарч тухлаад яваач. Хэрхэн дайснаа дарсан талаар ярьж өгье. Гурван Мэргидтэй хийсэн тулаанаас хойш дахин сайн наргисангүй. Өнөөдөр ангийн олз ч арвин тул наадам үүсгэмээр байна. Намайг хэрхэн бодонгийн дайралтаас хамгаалснаа Ван хаанд ярьж өгвөл тэр ч их баярлах байх даа” гэж Сэнгүм урьлаа.
“Дараа хэрэг болгон зорьж очвол болох уу? Биднийг нааш гарахад ээжийн минь бие тавгүй байсанд санаа зовоод байна. Хадаа хүсвэл энд үлдэх биз” хэмээн Хүрээлэн учирлав.
Сэнгүм “Тэгвэл Хадаа түүнийг хамгаалж буцах нь зөв. Гурав дахь удаагийн урилгаас харин бүү татгалзаарай” гээд эргэв.
Хүрээлэн “Гурван Мэргидийн тулаанаас хойш Тэмүжин цэрэг ардтай болж нэр сүрийг нэмсэн гэдэг үнэн үү? Жамухтай нийлж буугаад Тэмүжин дүү нартайгаа цуг одоог хүртэл найрлан цэнгэж байгаа гэж дуулдсан. Одоо тэднээс дайсан нь төдийгүй нөхөд нь ч сүрдмээр бэрх болоо байлгүй. Их хүн дөлгөөн гэж үнэн үг бололтой. Найрлах ёстой хүн нь ан хийгээд даруухан явах юм” гэж үг хаяад тас тас хөхөрчээ.
Сэнгүм түүний үгийг эмзэглэн хүлээж авсан ч “Тэд бүгд Хэрэйд аймгийн харъяны жанжингууд тул наргиж л байг” гэж хэлээд цэргүүдээ дагуулан морджээ.
Хадаа, Хүрээлэн хоёрыг Тэмүжингийн отогт хүрвэл найр хавтгаарч хүмүүс гэрийн гадаах түүдгийн тойрон бүжиглэж байжээ. Тэднийг Хасар хараад тосон очлоо. Хүрээлэн морьноосоо дэвхрэн бууснаа жолоог нь Хасарт бариулж орхиод олны дунд орж бүжиглэв.
“Дүү чинь цоглог, сайхан бүсгүй шүү. Түүнийг хатнаа болгохыг олон баатар эрс мөрөөддөг байхаа” хэмээн Хасар хэлжээ.
Хадаан “Тэр чамд талтайг чи сайн мэднэ. Гэхдээ удган хүнийг урвуулах нь амаргүй дээ. Хэрэйдийн Сэнгүм сонирходог байж магадгүй юм шүү” гэв.
Хүрээлэн бүжиг дундаас үсрэн гарч ирээд Хасарыг налан эрхэлж “Гурван Мэргидийг дарж Бөртэ үжингээ аваад Тэмүжин ах чинь их баяртай байгаа байхдаа. Хэрэйдийн Сэнгүм, Жадрангийн Жамух хоёр Боржигиний Тэмүжингийн үнэнч анд нар ажээ. Гэхдээ тэнгэрт долоон нар мандаж орчлонг шатаасанд эрхий мэргэн баатар нэг нэгээр нь харваж унагаасаар нэгийг үлдээсэн үлгэр байдгийг санахад илүүдэхгүй бизээ” гэв.
Хасар “Талын олон аймгууд нэгдэн цуглавал хүч нэмж, ард амрана шүү дээ. Ах минь үүнийг л хүсдэг хүн. Нөхөд нь ч адил юм” гэлээ.
Хүрээлэн “Тангадын өчүүхэн удган надад Бөртэ үжинтэй танилцан уулзах боломж байх болов уу?” гэсэнд Хасар “Би тэр талаар тодруулъя. Та хоёр хаанаас хаа хүрч яваа юм бэ?” гэв.
Хадаа “Бид ан хийх далиманд танай баяраас хуваалцах санаатай явна. Тал нутагт хийсэн их ялалтын мэдээг дуулж нутагтаа дуулган сонинтой харих хүсэл мөн байна” гэв.
Хүрээлэн “Сайхан баатар минь энэ дайны талаар хүмүүс гадуур шуугихдаа чиний нэрийг огт дурдахгүй юм. Чи хаагуур явсан хэрэг вэ? Өөрийгөө хэн гэдгээ таниулсан эрд бүсгүйчүүд таатай ханддаг юм шүү” гээд тас тас хөхөрсөнд Хасар “Намайг хэн гэдгийг чи мэдэж байхад л боллоо” хэмээн хэлээд инээжээ.
Тэд тийнхүү хөгжилдөөд бүжиглэхээр одов.

_________________
Миний тeрсeн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Mar.30.17 5:56 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3331
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
:wd:

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Oct.19.17 6:16 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: May.08.11 8:05 pm
Posts: 244
Энэ ч дахиж орохгүй шинжтэй шүү. Уг нь их сонирхолтой бичсэн байна.

_________________
:haha: :hihi: :haha: :hihi:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited