Доноровын Батсүх
Хавт Хасарын домог
Өндөр тэнгэрийн оройгоор Өвгөн бүргэд халихдаа Өнгөрсөн улирсанг дурсаж Өнийн домгийг тагшина
Буурал түүхийн гэрчүүд Цагийн эрхээр одсон ч Будант сэтгэлийн мананд Бүдэг таамаг бүрэлзэнэ
Хавт Хасарын явдал Нойр хулжаан санагдахад Мэргэдийн үлдээсэн үлгэрийг Үүр гийтэл нэгжнэм
Алтан наран Бурхан Халдун уулын өврийг галын цог лугаа хүрэн улаанаар хучиж гийгүүлэн мандахад сүүдэр нөмөрсөн нуруу бие нь гүн далайн цүнхээл мэт хөхрөн бараантсан хэвээр ажгуу. Мөнх хөх тэнгэрийн чанадаас унаад ирэв үү гэлтэй гэнэтхэн тодорсон бүргэд хараа хүрэх хязгаартаа хүртэл эрмүүнээр шунган буугаад их уулын оргилыг нар зөв гурвантаа тойрлоо. Хэдий өтөлсөн ч тэнхээндээ эрдсэн тэр жигүүртэн салхи сөрөн ихэмсэгээр агаарт тогтов. Огцом түргэнээр толгойгоо сэжлэн газар дээрхийг шинжсэн бүргэд цуурай хадаан тагшиад хүчит жигүүрээ бардам дэвсээр эргэн хөөрсний учир нь оргил өөд өгсөх хүмүүсийг олж харсанд байжээ. Газар шүргэсэн урт хормойтой уужим хүрэмнээс үргэлжлэх элбэг юүдэнгээр нүүрээ халхалсан ёнхогор өндөр хоёр хүн Бурхан Халдун уулын баруун зүүн хярыг даган өдөр шөнийн зааг мэт энэ цагаар яаралгүй өгсөж оргилд хүрээд сая бие биенээ олж үзэв. Эзгүй уулын тагтанд үл таних хүнтэй санаандгүй тулсан тул хоёул нөмрөг дотроо нуусан илднийхээ бариулыг сурмаг атгаж хуйнаас нь сөөм төдий сугалжээ. Тэд хором зуурт биенээ хурц харцаар тандаад дайсан биш ажээ хэмээн таньмагц илдээ сэмхэн буцааж хуйлав. Хоёул нүүрэндээ инээмсэглэл тодруулж ихэмсэг агаад эелдэгээр мэхийн мэндлээд дөлөх мэт даялан зөрсөн ч төдөлгүй зогслоо. Хүрэн нөмрөгтийн юүдэн дороос том халзан дух, ясархаг өргөн шанаа цухуйна. Түүний буурал хөмсөг хацраа даган унжих нь өндөр настайг илтгэх аж. Саарал нөмрөгт царай зуйван, хацар шувтан агаад шингэн урт хууз сахал, задгай буурал үс нь уулын салхинд сэвэлзэх нь тэд нас ойролцоо бололтой. Бахим өргөн алгандаа алтан очир атгаад сэтгэлдээ унших тарнийн хэмээр эргэлдүүлэх хүрэн нөмрөгт эр “Та надад хандаж үг хэлэх гээ юу?” хэмээн хүнгэнүүлэн асуув. “Үгүй ээ. Харин та надад юм хэлэх гээд байх шиг санагдлаа” хэмээн шөрмөслөг чийрэг хуруундаа алтан загалмай чимэгтэй ширэн эрхийвч угласан саарал нөмрөнт хариу хүнгэнүүлжээ. “Тэгвэл надад хий юм сонсогджээ” гэж хүрэн нөмрөгт хэлэхэд саарал нөмрөгт эр “Надад бас тэгэж санагдсан юм байжээ” гээд тэд холдов. Өвгөд саахалын зайтай тухлан суугаад бясалгал үйлдлээ. Эцэст нь тэд зэрэг шахам тэргүүнээ өргөж өглөөний тэнгэрт уусах мэт бүдгэрэн буй оддын зүг харц тогтоон шинжив. Энэ зуурт биесээ сэм тандсан тэдний үрчгэр аманд үл мэдэг мишээл тодорчээ. Эрчүүд тэнхлүүн чийрэг өндийж буцахын өмнө мөн л түрүүчийн адил зөрөн зогсов. Саарал нөмрөгт энэ удаад “Муу ёрын сүнсийг мөхөөн дарагч тодрохнээ. Түүний хараа хурц, эрхий мэргэн байх болтугай” гэвэл хүрэн нөмрөгт “Тамын амьтанг тамд нь буцаагч баатар эр төрөхнээ. Түүний ухаан саруул, бие нь эрүүл байх болтугай” гэв. Саарал нөмрөгт “Миний зөгнөсөн хүний сэтгэл нь ариун, хайр нь итгэл дүүрэн мэт ажээ” гэвэл хүрэн нөмрөгт “Миний зөгнөсөн хүний зүрх нь чанга, бие нь эрчтэй мэт ажээ” хэмээн хариулжээ. • Тангадын хааны зарлигаар дэрэвгэр амыг нь алтаар бүрж, урт хэлийг нь ган болгосонд дуу нь тодроод “Тэнгэрийн дуут” хэмээх цолыг хүртэж зөгнөх ба ёрлохын шид нь арвидсан гэдэг ч ордны тайгад, шивэгчид голдуу хүмүүс түүнийг “Ховч шар” хэмээн далдуур гоочилдог билээ. Тэрхүү алдар ба хочыг давхар хүртэгч гуулин хонх өөрийн зөнгөөр өнхрөв үү, өрөөлийн түлхэлтээр гулгав уу ямартай ч өндөр хөлт зандан ширээнээс хальж гантиг чулуун шалан дээр их дууг хадаан ойход хаан бээр цочин өндийж хар дарсан зүүднээсээ сая хагацав. Унтлагын өргөөний царс модон хүнд үүд аажмаар хаагдах зуур хэн нэгний хормой хүчит салхинд аргалын турьгүй утаа үлээгдэн саринах мэт замхрахыг анзаарсан ч одоо хүртэл зүүдэлсээр бусуу хэмээн эргэлзээд үнэн ба худал эсэхийг үл ялгажээ. Ордны өмнөх талбайг тольдох өндөр том цонх бүхий “Бат амгалангийн танхим” нэрт уужим тасалгааг урд шөнө сонгон нойрсон ч тайван амгаланг амтлалгүй хар даран сэрсэн Хаантан хөлөрч норсон гараа салгалан чичрэхийг гайхан харж цонхны зүг хялам хийснээ орны толгойн тус байсан мөнгөн таягийг шүүрч элгэндээ тэврээд “Хүн байна уу?” хэмээн байдгаараа ориллоо. Түүний дуудахыг хэдийнээс хүлээж байсан мэт хатан, жонон, шадар сайд гурав хамгаалагч цэргүүдтэй зэрэг уралдан орж ирвээ. “Муу ёрын зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу очирт таягийг минь шүүрч одоход цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав хэмээн зүүдэллээ. “Тэнгэрийн дуут” хонх түүнийг батлах мэт газарт өөрөө унасан хэвтэхийг харж байна уу, та нар? Уулын удганг яаралтай авч ир. Зүүднийхээ учрыг тайлмаар байна. Яг одоо элчийг илгээ” хэмээн хаан тушаагаад исрийн хөлд хэвтдэг эрх хаваа сонжвол сэрвээнийх нь үс босчихсон “Тэнгэрийн дуут” хонхыг айсан дүртэй ширтэж хэвтээ харагдав. Хааны сэтгэлд тэр нь муугийн тэмдэг болон тусчээ. “Түүнийг хаа нэг тийш сураггүй одсон гэж хэлцэх болсон байналээ. Эрж олоод авч иртэл даруй хэд хоногийн ажил үүсэх биз. Тэгэж түвэг удах хэрэг байна уу? Дэргэдийн ламаар төлөг буулгавал ямар вэ?” гэж хатан зөөлөн дуугаар учирлав. Шадар сайд “Хатан тун зөв санаа хэллээ. Тэгээд ч тэр хараалч удган манай ламтай ижил тайлал хэлэх байлгүй. Би одоохон зардас явуулж ламтанг залж ирүүлье” гэсэнд хааны тэвчээр алдарч түүний зүг чичлэн “Миний хэлсэнг дүүгүй үйлд. Одоо та нар гарцгаа” хэмээн тушаагаад эргэж хэвтэв. “Та цагаан шонхор шувуу зүүдэлжээ. Хамаг Монголын сүлд бусуу? Хэдий аюултай дайсан ч Хотала хаанаас хойш тэд хаангүй болоод бутарч байгаа хойно Тангад шиг хүчирхэг улсын эсрэг хэрхэн дайлан тэмцэх билээ” гэсэнд хаан хариу дуугарсангүй. Хатан нүд ирмэн шадар сайдын үгийг таслаад үүд рүү дохисонд тэд бүгдээр “Жа, тэгье. Та сайхан амар унтаа” гээд гарч одов. • Тангадын Хар хот хэмээх нь хялгана бударганд хучигдсан том том үхэр хадтай уулын нөмөрт тэг дөрвөлжин хэлбэртэй чулуун хэрмийн дотор оршдог билээ. Тэрхүү хэрмийн дөрвөн буланд бусдаасаа өндөр том сувраг тус бүр нэг нэг байх нь хашааг даган цуврах бусад хэдэн суваргаас илт сүр бараатай дүнхийнэ. Тэдний нэгнийх нь оройд өвгөн бүргэд бөгцийн суугаад орчныг сонжин байлаа. Хааны өлмийд эрхлэн хэвтсэн бяцхан хавнаас өөр тэр бүргэдийг анзаарсан нь үгүй бөгөөд гөлөг ч тоож түүний зүг боргосонгүй. Ордны хашаанд хар үүрээр түжигнэсэн мужааны ажил нар тонгойход сая өндөрлөжээ. “Хааны таалалд зориулан тоглох жүжгийн тайз бэлэн боллоо” гэж тайганууд ам дамжуулан хашгирсаар хааны сонорт хүргэв. Хаан “Танай урчуулын бүтээлийг үзье. Хууч үгэнд “Мужаан арвидвал байшингийн нуруу хазгай болно” гэдэгсэн” гээд цонх руу очиход “Тийм үг бий. Та байнга л сургамжит зүйрлэл сонгон айлдах юмаа” хэмээх сайд зусардлаа. Хаан “Шадар сайд минь, та намайг байнга хөөргөх юм. Тангадын “Магтаж байж махыг нь иднэ. Аргадаж байж амийг нь авна” гэдэг үг ч бас ортой шүү” гэвэл “Жа, тийм ээ. Үнэн үг юмаа” хэмээн бувтнав. Мужаанууд жүжгийн тайзнаас гадна үзэгчдийн суудал, зогсож үзэх газрыг хүртэл тооцон зассан байлаа. Бие ядруу байгаа Хааныг хол алхуулахгүй гэж ордны өмнөх өндөр тавцан дээр сэнтий засчээ. Сэнтийний хоёр талд байрлуулсан өргөн олбог дээр хатан, жонон хоёр хэдийнээ ирж тухласан харагдана. Ордны ихэс дээдэс, тэдний гэр бүлийнхэн ч уван цувсаар тавцангийн гишгүүр дээр тавьсан модон суудлыг дүүрэглээ. Ордны хоёр жигүүрээс тайзны хоёр талд хүртэл майланган олсыг татаж хооронд ижил зайтай зоосон хэдэн оготор савааны оройг дамнуулан тохсон нь түүнээс дотогш хүн нэвтрэхийг хориглосон тэмдэг ажээ. Энгийн ардууд тайзан дээрхийг тодорхой сайн үзэхийг хичээхдээ хоорондоо маргалдан, түлхэлцэж урд хойноо оровч хил болгон татсан зэлээс дотогш хэрхэн нэвтрэн орж зүрхлэх билээ. Бандгар зузаан баячууд, ганган хээмсэг эмс, идэр чийрэг эрчүүд нүүрний эгнээг эзэлжээ. Ноорхой борчуул тэдний араас өндөлзөж, буурай ядруу хөгшид, халтар бултар жаалууд тэр хүрээний гадуур холхино. Олны дундуур эрэмгийлэн зүтгэх үзэсгэлэн төгөлдөр залуу охиныг хүн чинээ үл тоон тохойноос нь угз татан гэдгэр гаргаад оронд нь өөрөө чихэж орсон чөргөр хөх өвгөнийг бүсгүй илт гомдож хорссон нүдээр хялаан харлаа. Бүсгүй түүнд зохих гашуун үгийг олсон ч нүүрнийх нь урдуур дүнгэнэн ниссэн батганыг хараад санаагаа өөрчлөв. Ялааг шалмаг шүүрч атгаад гарлуугаа хүчлэн үлээсэнд өнөөх нь өвгөний нүдэн дээр очиж мэргэн туслаа. “Нүдэнд ялаа баалаа. Би юу ч харахгүй байна” хэмээн бархирсаар гүйж одсон өвгөнийг хавийн хүмүүс шоолон инээлдэх зуур охин бушуухан түүний байрыг эзлэжээ. Залуу бүсгүйн овжин үйлдлийг шивэгчин эмгэн нь анзаарч охины хотгор гоо нуруу руу зөөлөн нудраад тэнэг өвгөнийг тохуурхан инээв. Бартаг хийцтэй модон зэлнээс эгнүүлэн зүүсэн олон хонхноос их дуутыг нь сонгон дэлдээд “Хаан эзэн заларлаа. Хүндлэн ёслоцгоо” хэмээн гэсгүү лам зандран зарлав. Тийнхүү зарласны цуурай замхарч амжаагүй шахам байтал ордны их үүд дэлгэгдэж ганган хээнцрээрээ нэртэй Ли Циан Шун хаан, шадар сайд По Чао хоёр түмний мэлмийг гийгүүлэн гадаалсанг хэлбэл ший янгуун жүжигчдийн гял цал хувцас чимэглэлийн өнгийг ч дарахаар ажээ. Хааны сүрд биширсэн түшмэд, албаны дээдэс болоод тэдний бараа бологсод өвдөглөн сөгдөөд мэхийн ёслов. Цугласан олныг хүрээлсэн цэргүүд жанжиныхаа тушаалаар зэр зэвсгийг хангинуулж жигдрэн жагсах зуурт харц ардууд хэдийнээ хөсөр сөхрөн унаад духаа газарт хүргэн ёсолсон байлаа. Тухайн цагийг эзлэн тодорсон их хаан тийнхүү сэнтийд залраад гараа даялан дохисонд Цастын орны эзэн хаан олон ардтайгаа хариу мэндлэн ёсолсон болохыг илтгэх харангыг дэлдэв. Хүмүүс түүний дараа бужигнан өндийж өмнө эзэлсэн байраа олохоор үймэлдэж байх зуурт тайзан дээр шаазан мэт гялгар нүүрт Япон дууч бүсгүй гарч ирээд Шинто шашны номлолоос иш татан намуухан аялав. Хатан хаан шадар сайд руу сэм зангасанд тэр бээр хаанд ойртож “Эзэн минь, жүжгийг одоо эхлүүлбэл ямар вэ? хэмээн шивнээд тэр хүн таны тушаалыг хүлээж байгаа юм” гэж тайзны хажууд бөгтийн зогсоо өвгөнг заалаа. Сүрдэж догдолсон харцаар өөрийг нь ширтэх хөгшний зүг хаан алтан хуруувч бүхий ядам хуруугаараа дохив. Өвгөн духаа өвдөгтөө хүртэл тонгойн хариу ёслоод дууч бүсгүйд “Дуулахаа зогс” хэмээн тушааж тайзны хөшгийг тэлэн нээсэнд ширэн царт том хэнгэрэгийг бөмбөрчид нижигнүүлэн дэлджээ. Өвгөн “Тангадын их хааны таалалд “Сартай шөнө сакуран цэцэглэгт учирсан хоёрын түүх” хэмээх Япон ардын үлгэрийг жүжиглэн үзүүлэхэд бэлэн боллоо” хэмээн зарлав. Хаан жүжгийг ихэд таалан сонирхож өвчнөө ор тас мартаад дайн тулаантай хэсэгт ялалт байгуулан буй баатарлаг явдлыг үзэх бүртээ “Сайн, сайн” хэмээн бахдан хөхөрч сахлаа илбэж суув. “Хэдэн тэнэмэл Япон хүн манай нутагт элдэв илбэ үзүүлж явааг дуулаад Хаан таны таалалд зориулан тэднээр жүжиг тоглуулах санаа олсон минь зөв болжээ. Та эдний тоглолтыг ийнхүү таалан сонирхож буйг үзээд миний сэтгэл цэлмэж, санаа амрав. Хатан хүртэл ихэд тоогоод баяртай байгаа бололтой” гэж По Чао түшмэл зусардлаа. “Сайн, сайн. Чи тун зөв санаа сэджээ” хэмээн хэлээд хаан түүн рүү мишээн гийгүүлэв. Шадар сайд үүнд ихэд урамшсан тул одоо холд, битгий саад бол гэсэн утгаар дохисон хааны тушаалыг тун ялдмаар хүлээн авч хойш зогслоо. Хаан жүжгийг бахдан үзэж сууснаа өөрийнх нь амьдралыг тавлах мэт үзэгдэл гарсанд дуу алдан ёолж нүүр буруулжээ. Үүнийг анзаарсан По Чао түшмэл гартаа атгаж явсан гуулин хос бөмбөгөө тайз руу чулуудан тоглолтыг зогсоов. Тэр Ван Ли, Фан Фан хэмээх хоёр цэргийг дуудан хаантанг түшүүлж өргөөнд нь оруулсанд “Миний алдаа эндлийг энэ хэд элэглэж байна бишүү” хэмээн хаан бачимдан хашгирчээ. Энэ хооронд хөөрхий жүжигчид юу болоод буйг эс ойлгож дэмий л салгалан чичирч зогсов. Бухимдаж уурласан По Чао сайд нүдээ хилэнтэй эргэлдүүлсээр өргөөнөөс гарч ирэв. “Хаан эзэн гэнэдэж талын зэрлэгүүдэд хорлогдон шархадсанг та хэд мэдээд тавлаж байна гэнээ? Хааны сэтгэлийн шархыг хөндөж орхилоо доо. Одоо биеийн шарх нь сэдэрвэл би өөрийн гараар та хэдийг цаазлах болно” гэсэнд жүжигчдийн зүрх амаараа гарах шахжээ. Өвгөн жүжигчин түүний өлмийд сөхрөөд “Бид таны тушаалыг дагаж хааныг баясгахыг хүссэн билээ. Түүнийг хэрхэн шархадсанг огт мэдэхгүй. Өчүүхэн бидний амийг өршөөгөөч” хэмээн бувтнав. “Эднийг Хааны зарлиг хэрхэн буух хүртэл харгалзан шоронд хий” хэмээн тушаав. Жүжиг үзэхээр цугласан улс хааныхаа ярдаг ямаан аашийг андахгүй тул нүдэнд нь өртөж гай болохоосоо өмнө тэгсгээд тарж оджээ. Тэнэмэл жүжигчид “Аугаа их Тангад улсын эзэн хааны сэтгэлийн шархыг өчүүхэн бидний жүжигчид хэрхэн санаатайгаар доргион хөндөж зүрхлэх билээ. Энэ бол Японы эртний домог үлгэрийг үзүүлсэн жижиг шүү дээ. Бид ямар ч буруу санаагүй хүмүүс. Биднийг өршөө. Хаан эндүүрчээ” хэмээн орилолдсоор явлаа. “Эзэн хааныг үлгэр ойлгохгүй тэнэг гэсэн үг чинь та хэдийн ялыг улам хүндрүүлэх шалтгаан болно доо” хэмээн түшмэл тохуурхан занаж байв. • “Бид тэр жүжгийг дэмий тогложээ. Одоо эндээс мэнд мултрах ч өнгөрсөн байх даа. Японы эртний үлгэр гээд байхад саяхан болсон явдалтай холбож сэжиглэх нь даан ч гомдмоор” хэмээн Хироши хэмээх залуу шогшров. “Монгол ноёны зохиож, бэлдүүлсэн жүжигт ийм гай байгаа гэж мэдсэн бол юу гэж та хэдээр тоглуулах билээ. Тэр хүн биднийг хорлож орхив. Ядахад үлгэрийн явдлыг өөртөө тусгаж сүржгэнэсэн ямар эмзэг золиг вэ, Тангадын хаан?” гэж жүжгийг найруулан бэлдүүлсэн Таро бувтнав. “Хаан хүнийг тэгэж хэлэх нь алдас. Хэдүүлээ Аматэрасу бурхандаа залбираад Тангад хааны таалал лүндэн хөнгөн буугаасай гэж хүсэхээс өөр арга алга. Ёс зүйг хаа ч даган мөрд гэж Шинто шашин сургадаг биз. Иймд зарлиг хэрхэн гарахыг хүлээе” гэж жүжиг нээсэн өвгөн хэллээ. “Дуугүй бай тэнэмлүүдээ. Удахгүй тонилохыг хооронд юугаа чалчаад байгаа юм. Амаа хамхи” хэмээн харуулын цэрэг гаднаас зандрав. Хироши “Тангад, Монгол хоёр тулалдвал хэн нь дийлэх бол?” гэсэн хачин асуултыг шивнэн нийтийн дунд тавив. “Бидний хэлцэх асуудал энэ огт биш. Харин Тангадын нутаг руу явахад их зоос өгч энэ жүжгийг бэлдүүлсэн Монгол ноёны санаа тодорхой байна. Биднээр дамжуулж Тангадын цэргийн хүч сул гэдгийг сануулж басан доромжилж байгаа хэрэг бололтой. Иймд шинээр сурсан жүжиг биш Япон ардын үлгэр гэсэн чигээрээ дуусна шүү” өвгөн бусдадаа анхаарууллаа. Бөмбөрчдийн нэг нь “Ерөөсөө энэ жүжгийг тоглохгүй өөр юм үзүүлсэн байхад Монголчууд мэдэхгүй л байсан байхдаа” гэж гунигтай хэлжээ. Өвгөн “Үзэгчдийн дунд тэдний хүн байж л байгаа. Харин бид энэ хоригоос эсэн мэнд мултарч чадвал Монгол нутгаар чөлөөтэй хэрэн тэнэх эрхээр шагнуулах байх даа” гэж итгэлтэй хэллээ. Айсандаа дагжин чичрэх залуу бүсгүй кимоногийнхоо ханцуй дотроос нямбай эвхсэн цаасан боодол гаргаж задлаад чимх давс авч үүд рүү шившин цацангаа “Та хэд аяархан яриа ч дээ. Гуйя, гадаа байгаа цэргүүд дунд Япон хэл ойлгодог хүн байвал яанаа. Тангадын хаан дайн тулааны хэсгээс илүү ордны амьдрал үзүүлэхэд сонирхоод байсан. Уур хилэнгийн учир тэндээс л гарсан юм” гэж шивнэв. Өвгөн “Тийм шүү, Харукогийн хэлдэг зөв. Үгээ сайтар шинжиж дуугар. Эсвэл бүү ярь. Харуко чи надад хэсэг давс өгөөч” гэж аваад шороотой хольж үүдний хоёр талд суврага хэлбэртэй дүрс шомбойлгов. “За ингэж домноод үзье. Япон орны минь давсаар бүтээсэн энэ хоёр уулыг муу зүйл бүү даваг” гэжээ. “Эмэгтэй хүн ажигч тул яг ямар хэсэгт тэр догдолсон бэ?” гэж Фуживара овгийн хүн сонирхов. Харуко өөрийг нь ажигч хэмээсэнд баясан мишээгээд “Хатан нь Хааны суудлыг булааж Шадар сайдтай садарласнаас гарсан хүүдээ өгөхийн тулд түүнийг хорлохоор бэлдэж буй хэсэг дээр л нүд нь хурцлаад ирэхийг би анзаарсан. Би хатны санааг сайн харуулсан юм байлгүй” гэж шивнэв. Самуурай гаралтай Таро гэгч эр “Бидний хувь заяа тодорхой. Эд биднийг цаазлах нь гарцаагүй. Иймд юу хүссэнээ хэлцэж байгаад үхье. Би хэзээ ч номхон үхэхгүй, тулалдаж үхнэ” хэмээн чангаар хэлэхэд нөхөд нь түүнийг аргадаж тэвчин хүлээхийг шивнэн ятгалаа. Төдөлгүй шоронгийн үүдэнд хүмүүс үймэлдэхэд Япон эрчүүд алцайн зогсоотайд царцсан мэт хөдөлгөөнгүй болж чихээ дэлдийлгэн амаа ангайлган гадагш чагнахад Харуко чихээ таглаад буланд суув. “Хаан Япончуудыг суллан явуул гэсэн зарлиг буулгалаа” хэмээн Тангад хэлээр хэн нэгэн хэлэхийг сонссон Япончууд мэл гайхан ширтэлцэв. Тэднийг тийнхүү эргэлзэж зогстол цэргүүд орж ирээд шоронгоос үг дуугүй хөөн гаргажээ. Жүжигчид цаасан тайзаа бушуухан эвхэж хөгжим хэрэгсэлтэйгээ цуг хэдэн илжгэн тэргэнд хам хум ачаад арилж оддогийн даваан дээр шадар сайд По Чао морилон ирлээ. “Та муу тэнүүлчдийн өчүүхэн амийг би л аварлаа. Хаан эзнээр өршөөх тушаал гаргуулсан миний тусыг мартаад “Баяртай ч” гэлгүй явахнээ?” гэв. Тэрэгнээс өвгөн яаран бууж тонголзон ёслоод суудал дороо нуусан модон хайрцагийг авч тагийг нээвэл дүүрэн алтан зоос байлаа. “Ёс алдав. Бид таны ачыг яахан мартах билээ. Амьнаас үнэтэй эд гэж үгүй. Үүнийг танд өргье. Байгаа л бүх хөрөнгө маань юм” хэмээхдээ мөн ижил өөр нэгэн хайрцгийг амжиж далдлав. Шадар сайд гоёмсог хайрцагийг булаах мэт авч богцондоо хийгээд “Та хэд одоо зайлцгаа. Дахин таарвал өршөөлгүй шүү” гэж занасанд өвгөн тэргэндээ үсрэн суугаад илжгээ гуяджээ. Замдаа “Бушуухан арилж одъё. Биднийг энэ хүн биш өөр хүний ятгалгаар өршөөсөн ч байж мэднэ. Тангадын хаан зарлигаа гэнэт өөрчлөхийг хэн үгүй гэхэв” хэмээн үглэж явав. • Хаан тэр өдрөөс хойш чилээрхэж хэвтэрт оржээ. Хар хотын дээр цэг төдий үзэгдэж байсан өвгөн бүргэд алсад босох өлөн тоосны зүг харц сунгалаа. Хээрийн замаар арваад морьтон яаран шогшуулж айсуй. Урт хулсан жадныхаа оройд гурван салаат шар дарцаг намируулан яваа тэднийг хэн ч харсан хааны буухай элчүүд байна хэмээн шууд таних билээ. Элч нарыг тэргүүлж яваа баатар эр ордны бараа тодормогц дөрөө жийн өндийж гэдрэг хараад “Хаан амь тэмцэн хүлээж байхад олигтойхон шогшооч. Наад удганыг чинь бушуухан хүргэж очих зарлигтай яваагаа мартаагүй биз. Морьдоо давир” хэмээн зандарлаа. Ганц хүн суулгаж зөөх хөнгөн сүүх тэрэгний гуя нэн урт тул тэгнэн яваа морьдын урд хойд тал руу дэлэм хэрийн ёрдоох аж. Тэрэгний яг ард явсан хүн сайх баатарын тушаалыг дуулаад арын морийг ташуурдаж орхисонд цочиж хурдлахдаа өмнөө явсан хэдийн нэгнийх нь морийг тэрэгний ёрдгор гуяар хатгажээ. Үрэгсэн мориноосоо золтой л ховхролгүй тэнцэж үлдсэн тагдгар эр морьдын явдлыг тохируулахаар тэвдэж явсан хөтчийг буруутган хялайснаа амандаа хараал хэлээд морио гуядан холдов. Түүний харцнаас айсан турьгүй туранхай хөтөч морьдынхоо явдлыг засахаар хичээж байх зуур дүрсгүй эр арын морийг дахин гуяадсанд догшин баатрын морийг тэрэгний гуяар дахин хатгажээ. Тарган баатарын уур энэ удаад дүрсхийн аслаа. Тэр “Чи муу золиг яасан их түрдэг дамшиг вэ? Урдаа яваа хүнийг харахгүй байна уу чи? Дайраад унагачихмаар санагдаад байна уу?” гээд шүд зуун занав. “Хушууч ноёнтон “Түргэн хөдөл” гээд байгаа юм биш үү?” гэж хөтөч дорой дуугаар жонгинов. Тарган эр “Амаа хамхи, туранхай турсага минь” гээд ташуураа далайсанд хөтөч далидарч морьдынхоо жолоог татснаар хурд саарлаа. Тагдагар тарган баатар төдөлгүй тайвширсан байтал түүнд жөтөөрхсөн хөтөч араас нь элэглэн шоолж хүзүүгээ нугдайлган гараа огшойгоод таахаг таахаг хөдлөж толгойгоо сэжлэн алиалсанд хойно явсан эрс тэсэлгүй хөхрөлджээ. Тарган эр тэдний инээдийн учрыг дорхоноо сэжиглэж орхив. Тэр уурлаж богино жадаа хуйнаас нь сугалаад хөтчийн мөрийг онохоор гэдрэг чулуудсанд цаадах нь шалмаг бултжээ. Жад сүүх тэрэгний хөшгийг нэвт цохин орсонд хойно явсан хэд мэгдэж дуугаа хураав. Яг тэр агшинд сүүх тэргэнд онгод нь орон чичирч суусан удган хөшиг нэвтлэн орж ирэх жадыг совингоороо мэдрээд огцом гэдийх зуураа баруун гараа шалмаг өргөж жадыг атгаж амжлаа. Хөгшин удган нүүр халхалсан багныхаа цаанаас жадыг сэжиглэн ажаад хажуугийн цонхоор гаргаж чулуудсанд газарт түг хийн зоогдож хоцров. Элч нарын ахлагч тэдний явдлыг дор нь ойлгоод “Наад удганаа амар мэнд хаанд хүргэж үзээрэй дээ. Ширхэг үсийг нь хөндсөн хүнд ямар ял тулгахыг мэдэж л байгаа байлгүй та хэд” хэмээн заналтай хэлэхэд цэргүүд нь “Мэдлээ” хэмээн зэрэг хэлжээ. • “За, тэр харав уу? Ээжийг чинь залсан элчүүд ирж явна. Намайг ордны цонхонд ойр бай гэж удган захисан юм. Бушуу дөхье” гэж шивэгчин эмгэн хэлээд ордны зүг хазганахад дэргэдэх залуу бүсгүй нь дурамжхан дагав. Сайтар ажвал хэд хоногийн өмнө дүрсгүйтэж үл таних өвгөний нүд рүү ялаа үлээсэн охин байлаа. Элч нарын тэргүүн ордын гадаа ирээд мориноосоо үсрэн бууж цулбуурыг нь агтчинд атгуулав. Тэр хааны өргөө рүү яаран алхахад хөтөч эр мөн явгалаад сүүх тэрэг тэгнэсэн морьдоо хөтлөн түүнийг дангажээ. Баатар эр ордны үүдэнд очоод удганыг хүндлэн тохойноос нь түшиж тэрэгнээс буулгаад дотогш дагуулан орохыг тэнд цугласан сониуч хүмүүс харц салгалгүй ажиглаж байв. “Удган ордонд иржээ” хэмээн зарлах тайганы дууг сонсоод исрийнхээ толгойг налан хэвтэж байсан Тангадын хаан шалав хийн өндийж биеэ цэгцлэн засахыг хараад хатан нь дургүйцэн ширэв татлаа. Баатар эр өргөөнд ороод удганы зүг дохисонд цаадах нь хааны өлмийд сөхрөн унав. “Алив чи, тамгаа харуул” гэж хаан тушаасанд удган толь, хонх сэлт зүүсэн хүнд хуягаа харжигнуулан чирсээр мөлхөж очоод толгой сэжин гивлүүрээ ярж царайгаа ил гаргажээ. Түүний цэлдэн хөхөөр будсан нүүр огт үрчлээгүй залуу хүнийх мэт харагдсанд хаан гайхлаа. Удган хэлээ гаргаж, хоёр гарын эрхий хурууныхаа өндгийг хаанд үзүүлэв. Түүний хэлний үзүүр, эрхий хурууны өндөгнүүд дээр хар домын тэргүүн зэргийн удганг батлах дүрс үсгийг хар бэхээр тод шивсэн байлаа. Хаан “За, боллоо. Одоо тэмдэгээ нуу” гэсэнд удган хуяг дотроо нуугдах яст мэлхий мэт нөмрөг дотроо шургаад тугдайжээ. Хааны дэргэд газар дэвссэн олбог дээр залрах ордны оточ лам удганы тэмдгийг хараад ярвайн гэдийхэд шавь нь түүний хүзүүг нь базлан хуян хөөрлийг нь дарав. Энэ лам хааныг эмчилж буй ч илт сэргээн өндийлгөж чадаагүй тул хөгшин удганг залсан хэмээн хардах тул дурамжхан байжээ. Хаан “Чи миний дайчдын зоригийг бадрааж дайсны сүрийг дарахаар онгодоо дуудан хараал жатга хийж, тарни шившлэг уншин олонтоо тусыг үзүүлж байв. Харин энэ удаад Хаан миний биеийг эрүүл болгохын тулд сахиусаа зал” гэв. Удган “Хаан таны алдар сүр улам бадраг. Тангадын дайчин эрсийн өндөр сүлд хийморийг өчүүхэн удганы шившлэг тарни юугаар гийгүүлэн базаах билээ. Жишвэл их далай дэргэд мэлтэгнэх бяцхан булаг төдий юм даа” гэхэд хаан түүний даруу үгийг таалан сонсож байлаа. “Чиний хэлдэг зөвөө. Миний баатруудын хийморь нь үргэлж бадарч байдаг билээ” гээд хамгаалагч цэргүүдээ бахдан харахад хианууд нь нурууг цэхлэн бардмаар гэдийв. “Гэхдээ чиний тарнийн хүч багагүй болохыг би олонтоо туршсаан. Надад түүнийгээ дахин нэг батлаад орхи” хэмээв. Удган тэргүүнээ аажим өндийлгөж хааныг өлийн шинжээд “Хаан таны лагшин ихэд чилсэн байх юм. Юунаас болсон учрыг хэлж болгоогооч” гэлээ. Хатан суудал дээрээ хавчганаад “Чамайг өнгөрсөн ба ирэх арван хоёр жилийн өнгийг хэлдэг, хараал жатгын эрдэмд төгс, нулимах төдийгөөр хүн амьтанг үхүүлэх шидтэй, өвчин хуучыг үлээж долоогоод л эдгээдэг гэлцэх юм. Тэр эрдмээ харуулж хааны лагшин ийм болсны учрыг өөрөө олж мэд” гэж зандрав. Удган цочсон муур мэт агдас хийн эргэж хатныг хараад “Хаан эзэн Хамаг Монголтой тулалдахаар явахдаа надыг дуудахад хөрөнгө зоосоо харамласан та дайсны эсрэг өөрөө хараана гэж миний үйлийг зогсоосон билээ. Таны тарни хаанд тус болсонгүй бололтой” гэв. Хатан суудлаасаа цовхрон босч удганы дэргэд очоод “Би хэдийгээр чиний төрсөн дүү ч Хатан хаан, гэтэл чи бол ердөө л боол. Миний өөдөөс хэдэрлэж зүрхлэнэ гэнээ. Бид нүүр тулан уулзалгүй арван хоёр жил болсон байна. Энэ хугацаанд би хар тарнийн увьдаст чамаас дутахгүй суралцсан юм шүү” гэлээ. Хатан тугдайн хэвтсэн удганг тойрон ажиглаад “Харин нэг зүйлийг чи надаас илүү сурсан гэлцэх юм. Мөнхийн залуу байлгах ундаа найруулж чаддаг гэв үү. Алив харъя” гээд мөнгөн дэвүүрээр удганы гивлүүрийг сөхөж багийг нь хуулжээ. Цэвэрхэн царайтай залуу бүсгүй өөдөөс нь дүрлийн ширтэхийг үзсэн Хатан хаан “Тийм байна. Ийм байх ёсгүй” хэмээн дуу алдав. Хэрэгт дуртай ламтан бясалгах мэт төв царайлавч удганы залуу сайхан дүрийг нүднийхээ булангаар сэм ажаад гайхсандаа амаа эрээгүй ангайн мэлрэхэд удган түүнрүү царайгаа хөгшин дүрд хувирган ярвайжээ. Лам цочиж “Ум мали мусмали хум пад” хэмээн уулга алдаад шавьдаа “Хэлээгүй юу би чамд. Наадах чинь чөтгөр байна” хэмээн шивнээд ухасхын босч одсонд шавь нь ум хумгүй дагав. Хаан бухимдаж “Наад дэмий яриагаа орхи” хэмээн Хатныг зэмлээд “Удган чи миний биеийг бушуухан тэнхрүүлээд өг. Хэд хоногийн өмнө Хаан төрийн очирт таягийг цагаан шонхор шувуу шүүрэн одсонд цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав хэмээн зүүдэллээ. Юуг зөгнөв хэл” гэж зарлигдаад гэдрэг хэвтжээ. Удган цээжээ хэржигнүүлэн чичирч хэвтсэнээ үсрэн босч хэнгэрэгээ дэлдэв. Тэр гэнэтхэн бар мэт дуугаар ордонг доригтол хүрхэрсэнд хүмүүс давхийн цочлоо. Учир нь хараалч удган онгодоо дуудахдаа хүний амийг золиос болгодог гэж дуулсан тул түүний аманд өртөхөөс айж байжээ. Удган тайвшрах мэт сөхөрч суугаад хэнгэрэгээ зөөлөн тоншиж өөрийгөө чагнан байснаа хүйтнээр хөхрөөд “Хаан таны амьдралын зам мөр мухардсан байна. Утсан чинээ улаан амь чинь тасрах бол юу ч биш улс гүрэн Тангад чинь мөхөх цагтаа тулжээ” гэж сөөнгө өвгөн хоолойгоор гашуудан өгүүлээд сармагчин мэт бархирч өндийснөө гэдрэг савж уналаа. Ухаан алдан тэрийж хэвтээ удганы нөмрөг сөхөгдөж шулуухан чийрэг хөл нь ил гарчээ. Хаан хамгаалагч хиагийн зүг дохисонд цаадах нь жадаа сунган бүсгүйн хөлийг нөмрөгөөр нь хучив. Хатан түүнийг хараад “Хаан та удганы хөлийг юунд тэгтэл сүрхий анхаарав? Үүний бие нь царай шигээ залуугаараа байна шүү. Эрчүүд үхэж байхдаа ч эмсийг сонждог юм байх даа. Аль эсвэл эрт баларсан явдлаа эргэж дурсаа юу?” гэж ёжлов. Хаан бодолд дарагдан сууснаа “Хатан та үгээ бодож айлдаарай” гэжээ. “За, миний хэрэг энд үгүй бололтой. Яавал түргэн эдгэж босох талаар наадахаасаа сайн лавлаарай. Надаас цэрвээд байгаа бололтой энэ удган. Би бушуухан зайлж үзье” гээд гарахдаа дэвүүрээрээ дохьсонд шадар сайд хатны араас дагажээ. Удган сэхээ ороод өндийн суув. Хаан бахардан уурлаж “Чи намайг тэнхрүүлэхийн оронд элэглэн баалж, сайн үгээр ерөөхийн оронд саар муугаар зөгнөн хараана гэнээ. Үүний чинь хариуг чамд хатуугаар өгөх болно” гээд үүд манан зогсох хоёр цэрэгт “Үүнийг нүднээс ангид, чихнээс сураггүй болго” хэмээн тушаав. Бухимдаж ууралсандаа хүндээр амьсгаадах хааны амнаас цустай шүлс урсан гарсан байлаа. Цэргүүд удганыг гулд татан чирсэнд “Үхэх хүний үгийг сонс гэдэг биш үү. Надад хэлэх үг байна” гэж удган бархирав. Хаан “Бушуухан сүүлчийн үгээ хэл” гэжээ. “Надад зөвхөн танд хэлэх үг бий. Энэ хүмүүсийг эндээс гарга” гэж удган шаардлаа. Хааны дохисноор түүнд бараа болж байсан хүмүүс гарсанд ганц хиа үлджээ. Хаан түүнд чихээ тагла гэвэл цэрэг чихээ алгаараа дарав. Удган хаанд дөхөөд шивнэн “Жонон бол таны төрсөн үр биш. Шадар сайдын чинь хүү. Харин миний охин бол төрсөн ганц хүүхэд чинь юм шүү” гэжээ. Хаан үүнийг дуулаад цочин хамгаалагч цэргээ харвал тэр хүн туйлын үнэнч тул огт юм дуулсан шинжгүй хааныхаа тушаал дохиог хүлээн чихээ дарсаар зогсож байлаа. “Наад тэнэг үгээ чи өөр хүнд хэлсэн үү?” гэвэл “Би охиндоо ч хэлээгүй. Хатан, сайд хоёр чинь цаг нь болохоор Жононд хэлэх биз. Харин хаан та одоо үүнийг мэддэг боллоо” гэжээ. Хаан хилэгнэн “Урт хэл чинь хүзүүгээ ороож орхилоо доо. Уг нь би чамайг занчиж шийтгээд хөөж явуулъя гэж бодсон юм. Харин одоо чамайг амьд үлдээх аргагүй боллоо” гээд гаднаас цэрэг дуудаж ирэхийг хиадаа дохин тушаав. Хоёр булиа цэрэг ирж хөөрхий удганг үнэг шүүрэх бүргэд адил хумин базаад үүд рүү зүглэсэнд удган амь тэмцэн тийчлээд “Намайг тавиад орхи. Надад хэлэх бас нэг чухал зүйл байна” хэмээн чарлажээ. Хааны зүг эргэлзэн ширтэх цэргүүдийн гар сулармагц удган самбаачлан мултраад хааны өмнө сөхрөн “Хаан минь таны зүүдний тайлалыг хэлье. Хаан төрийг чинь мөхөөх баатар эр хорвоод мэндлэх гэж байна. Түүнийг хэрхэн хаанаас олж тонилгох талаар та мэдэхийг хүсэхгүй байна уу?” хэмээсэнд хаан “Чи зөвхөн тэр талаар үгээ хэл” хэмээжээ. Удган “Салхийг эзэмдэгч Очирвааний хувилгаан төрөх гэж байна. Гартаа нөж атган хорвоод мэндлэх тэр хүү чиний заналт дайсан мөн. Миний амийг өршөөвөл би түүнийг өчүүхэн байхад нь олоод хөнөөж орхино. Хэрэв намайг хөнөөвөл түүнийг дийлэх хүн үгүй болно. Түүний хүчийг нэмэх түшиг, үнэнчээр хамгаалах хүн бол түүний дүү байх юм. Тэр галыг эзэмшигч загалмайтны элч тул түүний заасан зүгт түймэр тарьж явна. Тэд Тангадын төрийг мөхөөх хувь тавлинтай ажээ” гээд хүйтнээр хөхрөв. Хаан “Бүгд худлаа байна. Миний хүчирхэг төрийг хэн ч дийлэхгүй. Тэр тусмаа тарж бутарч буй Монголчууд гэвэл бүр худал. Бузрын хараалч удганы толгойг ав” хэмээн бахардан хашгирч тушаалаа. Удган нөмрөгнөөсөө зүүлттэй элдэв зүүлсээс нэгийг нь угз татан тасалж аваад хааны хөл дор шулуудав. Тэр нь хүүхдийн сөөхийнд зүүдэг гуулин хонх байлаа. Нэг цэрэг түүнийг хаанд авч өгсөнд өөрийнх нь багадаа зүүж явсан хонх болохыг таниад гайхсан хаан гүнээр санаа алдав. Энэ зуурт удган өөр нэгэн зүүлтийг тасдан цонхоор гадагш чулууджээ. Түүнийг хааны хөлд эрхэлж хэвтсэн хав анзаарч өндийтөл удган догшин харцаар ширтсэнд айсан гөлөг ган хийлгүй эргэж хэвтэв. Гадаах хүмүүс ордонд үүсэх үймээн шуугианыг анзаараад сонирхож эхэлсэнд цэргүүд тэднийг жадаар чичлэн хөөж байлаа. Тэр зуур цонхны ойр байсан шивэгчин эмгэн дотроос чулуудсан зүүлтийг газарт унагалгүй шалмагаар шүүрч аваад залуу бүсгүйд сэм дамжуулжээ. • Бүсгүй шивэгчин хоёр олны захад гараад цаашид юу болохыг түгшин ажиглав. Удганы охин “Ээж минь яагаад энэ алтан тэвнэт хавчаарыг шидэв? Муу ёр зөгнөөд байх юм” хэмээн шивнэхэд шивэгчин түүний гарыг чанга атгаж дуугүй байж хүлээхийг сануулаад “Бүү мэд. Мэдсэн бол бүү бод” хэмээн бувтнав. Түрүүхэн газарт хүргэлгүй хүндэтгэн залж ирээд хааны ордонд өргөх шахам оруулж байсан удганыг цэргүүд золбин нохой мэт гулдран чирч гаргаад газарт хөсөр хаяжээ. Хүмүүс түүнийг хараад сонирхон тойрч элдэв таамаг дэвшүүлэн сайн муу үгсийг шивнэлдэн байтал нүүрээ багаар халхалсан яргачин ирээд яах ийхийн зуургүй удганы толгойд цаазын малгай углаж орхив. Тэр нь толгойг битүү нөмөрдөг улаан хилэн уут бөгөөд өмссөн хүний хүзүүг хурц иртэй хэрчигчүүдээр хатган эргэж тайлагдахгүй болдог аймшигт зэвсэг билээ. Нэг эр дэргэдэх хүнээсээ “Энэ одоо юу гээч болоод байна аа?” хэмээн асуулаа. Цаадах нь “Би бас ойлгохгүй байна. Дэмий таамаг ярьж байж хэрэгт орно шүү. Дуугүй л харцгаая” гэв. Тэдний яриан дундаас учрыг мэдэхнээ хэмээн горьдож дөхсөн бадарчин урамгүй болж “Хэрэгт дурт годил” гэхийг дуулсан нэг самган гайхаж бадарчин тэднийг хэлэв үү, өөрийгөө хэлэв үү эс мэджээ. Цаазын малгай өмссөн удган хүлцэнгүйгээр сөхрөн суув. Өргөөнөөс хулсан самбар барьсан түшмэл гарч ирээд “Бурханы зарлигийг түмэн ард бишрэн сонсоо. Цааш тараан мэдээлтүгэй. Хаан төрийн эсрэг удаа дараалан гэмт хэрэг үйлдсэн, хааныг эмчлэн эдгэрүүлэхийн оронд үгдрүүлэх хорлох санаа агуулж явсан удганыг цаазлан хороосугай” хэмээн уншжээ. Түшмэл гараа далаймагц цаазын малгайн олсыг яргачин угз татлаа. Малгайн хэрчигчүүд эрчлэн эргэлдэхэд удганы толгой биенээсээ салж улаан уутанд үлдэв. Үүнийг үзсэн олон ард ордны өмнөх талбайгаас үргэх мэт бутран тарахад удганы охин шархадсан эм барын хоолойгоор архирлаа. Шивэгчин эмгэн түүний амыг өргөн ханцуйгаараа битүүлэн таглаад олны дундаас гулдран чирсээр холдов. Хатан хаан тэднийг олж үзээд “Багшаа, та удганы охин цаазыг хараад зугтахыг харав уу? Тэр охин биднээс өшөө авахаар ирэх аюултай шүү. Та түүнийг олж бүхнийг мартаж, бусдыг хайрлах сэтгэлгүй болгох рашааныг хүртээх хэрэгтэй байна. Тэгсэн цагт түүний хүчийг Тангадын төрийн хэрэгт эхийнх нь адил ашиглаж болно” гэхэд лам “Жа, мэдлээ” гэжээ. “Шадар сайд, та харин шивэгчинг нь олж хөнөө. Тэд удаан хамт байвал охинд эхийнх нь сургаж амжаагүйг сургах үнэнч хүн байгаа юм” гэвэл Шадар сайд “Тиймээ, би сайн мэднэ. Түүнийг удахгүй хөнөөх болно” гэв. Эмгэнд тэдний араас хүн хөөж байх мэт санагдсанд зам таарсан түрдэг тэрэгний дугуйн ивээсийг суга татаад түлхэж орхив. Дүүрэн ачаатай тоглоомын наймайчны модон тэрэг онхолдож тоглоомнууд нь таран асгарсанд үймсэн хүмүүс хулгайлахаар бужигнажээ. Энэ хооронд удганы охинг шивэгчин чирч гулдарсаар ордны хаалгаар гарч бараа тасрав. • Шинэхэн тохижсон нүүдэлчдийн бага хотхон эрт сэржээ. Овгийн ахлагчын их өргөөн баруун талд барьсан гэрт бүсгүйчүүд дүнгэр дүнгэр ярилцах дуулдана. Хар үүрээр тэд босч хөөрцөглөсний учир бол энэ хотхонд шинэ хүн мэндлэх гэж буйд байлаа. Эмгэд голдуу хэдэн эмэгтэй “Хаан хүү юу, Хатан охин уу?” хэмээн таамаг хэлцэнгээ эх болох бүсгүйг асарч байв. Өүлэн үжин шөнө дундаас эхлэн өвдсөнд тэдгээр эмс цуглаад тулганд гал өрдөн гэрийг дулаацуулж шинэ төрөх хүнийг хүлээн буй нь энэ ажээ. Хав дөрвөлжин цээжтэй ханхгар баатар эр тэрхүү шовгор оройт гэрийн хатавчыг түшиж түүний доторхийг чагнан зогсоод эхнэр нь дуу алдан ёолох бүрт өтгөн хөмсөг зангируулан зовно. Есүхэй гэрийн гадаа тийнхүү хүрлийн зогсох зуураа дэргэдэх багахан болдог толгойн оройд завилан суусан хүнийг олж анзаарав. Нүдээ онийлгон түүнийг шинжээд бясалгал хийж суугаа лам мэт үзэгдсэнд “Хэвтүүл” хэмээн дуудвал “Хянаж байгаа” гэж тал талаас хамгаалагчид нь хариулсанд тайвширч гэрийн доторхийг үргэлжлүүлэн чагналаа. Тэгтэл эсгий үүд гэнэт сөхөгдөж гэр дотроос хурдлан гарч ирсэн эмэгтэй түүний хөлд тээглэн бүдрээд золтоо л харуулдаад уначихсангүй. Баатар эр гар сунгаж хүрз мэт том алгаараа хөгшний дээлийн араас атган тогтоов. Эмгэн “Есүхэй баатар минь, та энд зогсоод яах вэ. Өргөөндөө амраад хүлээж бай. Өүлэн үжин төрөхөөр бид аяндаа таныг дуудна” гэсэнд баатар “Би хүүгээ харна гэж бодохоор тэсч ядаад байна шүү. Хуагчин эгч минь та нар тэнд юугаа хийгээд байгаа юм бэ?” гэв. “Танд тийм сонин санагдаад байвал өөрөө ороод харахгүй юу даа” хэмээн эмгэн ёжлов. Баатар “За тэрийг ч харин болъёо. Би эндээ хүлээж байя. Харин та хэд жаахан хурдлаарай” гэсэнд “Тэгье дээ, хурдлахыг хичээе” хэмээн ёжлоод хажуугийн гэр лүү яаран одлоо. Өлгий боох сур авч ирсэн эмгэн гэрт орохдоо цагаан шүд гарган инээмсэглэх Есүхэйг хараад толгой сэгсрэн шоолжээ. Довцгийн оройд завилсан хүн энэ үед үүргэвчнээсээ зааны ясан савх гаргаж газарт лав зоогоод түүний дээр алтан очирыг тэнцүүлэн тогтоосонд салхины аясаар зөөлөн эргэжээ. Бурхан Халдуун уулын оройд таарсан хоёр өвгөний нэг тэр байлаа. Гэрт хүүхэд час хийн уйлсанд баатар эр “Мөнх хөх тэнгэр минь, танд баярлалаа” хэмээн залбирчихаад гэрийн үүдийг сэв хийтэл сөхөн оржээ. Гэрт байсан эмс “Есүхэй баатар минь та хүүтэй боллоо”, “Агуу баатар эр мэндэллээ”, “Алтан дэлхийд нэрээ дуурсгах нэгэн баатар төрлөө” гэсэн сайхан ерөөлийг хэлцгээн угтав. Өүлэн нөхрөө аз жаргал бялхсан харцаар хараад хүүгээ үзүүлэв. Хүүгийн биеийг угааж цагаан хурган нэхийнд өлгийдөхийн өмнө Хуагчин эмгэн “Хүү чинь нөж атгаж төрсөн шүү. Энэ сайны ёр уу, муугийн ёр уу?” хэмээн шивнэв. “Та чинь юу яриад байнаа? Өүлэнгийн бие зүгээр үү?” хэмээн уулга алдахад эмгэн “Тэрэнд аюулгүй. Харин би ийм юм урьд үзэж дуулаагүй юм байна” гэв. Есүхэй хүүгийнхээ алгыг тэнийлгэн харвал үнэхээр нөж атгасан байв. Энэ үед гадаах хүн өндийж алтан тоногтой ширэн бүсээ тайлаад алтан очирыг гогодон эрчлэн дүүгүүрдэж байснаа гэрийн зүг чулууджээ. Хүүгийнхээ алгыг ширтэн гайхаж зогссон Есүхэй гэрийн дээр унь доргитол ямар нэгэн хүнд зүйл түс хийн унах чимээнд дав хийн цочив. Тэр хүүгээ Хуагчинд бариулаад яаран гарвал уран хийцтэй алтан очир газарт хэвтэж байлаа. Довцогийн орой дээр хүн сууж байсныг санаад харвал алга байв. “Хүү минь очир атгаж төрсөн байжээ. Түүний бэлэгдэл нь энэ бишүү. Тэнгэрээс гэр дээр минь энэ алтан очирыг тэмдэг болгон буулгав” хэмээн гэрт ороод хэлэв. Хүүгийн гарт атгаастай нөж очирын дүрстэй болохыг сая анзаарсан хүмүүс бахдан хурайлжээ. • Залуу хар хүүг хэдэн түшмэл, хааны залуухан татвар эмс хүрээлээд хөгжилтэй яриаг нь амтархан сонсож байв. Жонон ан ав, аялал зугаалгаас ирэх бүртээ ийнхүү замд тохиолдсон элдэв сонингоо дэлгэн хуваалцаж хөөрөх дуртай билээ. Түүний яриаг ахлах тайган тасалдуулж эцэг нь дуудуулсан болохыг чихэнд сэм хэлжээ. Хан хүү “Яасан төвөгтэй юм бэ?” хэмээгээд тайганг дагав. Түүнийг бахдан хөөргөж зогссон хүмүүс ч дургүй хоцорлоо. Жононг өргөөнд ороход хаан түүнийг дэргэдэх суудалд уриад бусад хүмүүсийг гарахыг тушаав. “Сайн явж ирэв үү? Ангийн олз арвин уу? Хэрхэн ав хийсэн тухайгаа яриач?” гэхэд “Ердийн ав байлаа. Та харин ямар хэргээр яаран дуудуулсан учраа хэлээч. Ангийн талаар дараа тухтай ярья” гэв. Хаан өндийхөд жонон түүний тохойноос түшин хоёр талд нь дэр ивж өгөв. Хаан амьсгалаа жигдрэхийг хүлээн тайван суугаад үгээ хэлэв. “Эртийд цаазлуулсан удганы үг ортой байжээ. Би удаан тэсэхгүй бололтой. Иймд хааны төрийн тамга, улсыг захирах эрхийг чамд яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна. Ёслолыг яаралтай бэлдүүл. Хаан болох чамд тусгайлан захих зүйл их байна. Чи бичиж тэмдэглэж ав” гэжээ. Жонон “Би ой сайтай тул энэ удаад сонсож аваад дараа тэмдэглэхэд болох уу?” гэвэл хаан хөхүүлэн ханиагаад “Одоо бич” гэжээ. Жонон дурамжхан босч бийр янтай, цаас бэлдээд хааны хэлэхийг хүлээв. Хаан “Тангад улсын эртний заналт дайсан бол хойд талын нүүдэлчид юм” хэмээн үгээ эхлэхэд жонон “Би цэрэг удирдах эрхээ авмагц тэдний эсрэг дайн зарлах болно. Талын нэг тарсан Монголчуудыг хэсэг хэсгээр нь дарж ард иргэдийг нь нэгэн дээврийн дор хураан эрхэндээ оруулна” гэв. Хаан “Тэднийг дарах нь амаар хэлэх шиг амар явдал бишээ. Хэдий бутархай ч нэгнийгээ өмөөрөх цагт нэгддэг нь гайхалтай. Тиймээс тэднийг нэгтгэж мэдэх тэргүүлэх улсыг нь таньж толгой дараалан агнавал зохино. “Баавгайг алахын тулд толгойг нь л балбаад бай” гэдэг биз. Чи Тангадын төрийг хүчтэй байлгахын тулд эхлээд өөрийнхөө хүрээллийг зөв сонго. Миний түшмэдээс ухаантай, дайчинг үлдээж өөрийн итгэлт хүмүүсээр бусдийг нь соль. Тэгсэн цагт гадагш дайлахаас гадна төрийг мөхөөлгүй удирдаж дараах хаанд өвлүүлэх ёстой юм шүү” гээд гэдрэг хэвтлээ. Жонон “Монголчууд бутарсан мэт байвч нэгдэх цагаа болохоор нэгдэж чаддаг гэж та хэлж байна уу?” хэмээн асуув. Хаан “Тэгэж хэлж байна. Гэтэл Тангадууд бид гаднаа нэгдэлтэй мэт үзэгдэвч амь тулсан цагт хувиа хичээдэг. Ард олноо байтугай гэр орноо ч хаян зугтахаас буцахгүй. Ийм байдлыг чи Хаан суудлыг авсны дараа ясандаа тултал ойлгох болно. Ямар ч үед чи хаан хүний мөн чанарыг алдаж болохгүй. Тэвчих цаг тулбал тэвчимгүй явлыг ч тэвч, тэвчих хэрэггүй зүйлд цаг алдан бүү тэвч” гэжээ. Жонон юуг нь тэмдэглэн авахаа эргэлзэн суутал хаан “Нүүдэлчдийн нутагт хүн илгээж сураг сайн тавь. Тэд хоорондоо эвдрэлцэх, эвлэрэх нь амархан улс тул хов жив тарааж хооронд нь харгалдуул. Эд хөрөнгө, эрх мэдэлд дурлагч хүмүүсийг ил далд дэмжиж алт мөнгөөр хангаж, албан тушаал дэвшихэд нь туслаж итгэлийг нь ол. Чиний гарт орсон цагт эргүүлээд өгснөөсөө илүүг олох болно. Удганы муу ёрын зөгнөлийг мартаж болохгүй. Шинэ төрсөн хүүхдүүдийг сэм бүртгэж дансал. Тэр тусмаа хаад, түшмэдийн хүүхдүүдийг илүү шинжиж нүдэндээ галтай, нүүрэндээ цогтоог нь олж цаг боломжийг үл алдан устгаж тонилгох нь зүйтэй. Барын зулзагыг бага дээр нь дарах хэрэгтэй. Одоо төрж буй хүүхэд юм бол түүний эсрэг одоо төрөх хүүхдийг бэлд. Орой болгон тэр зүгт хараал уншиж сүлдийг нь гутаа” гэв. Цааш нь “Цаазлуулдаг удганы төрсөн охин гэж эхээсээ дутахгүй хараалч, шившлэг тарний ухаанд гүн нэвтэрсэн бүсгүй бий гэнэ. Түүнийг олж дэргэдээ асарвал хожим чамд л тустай. Дайсны хийморийг хараалаар мохоож чадахгүй юм бол Тангадын хараал хүчтэй гэсэн алдар маань домог төдий болж хоцроно шүү” гэжээ. * Шөнө дунд хэдийнээ улирсан хойно хатан унтлагын өргөөнд ороход ойрын хэдэн өдөр биеийн өвчнийг умартан удганы зөнг шалгахаар үнсэн самбар дээр зурхайн зурлага үйлдэж нойр алдсаар улам тамирдсан хаантан унтаа сэрүүний завсар цонхийн хэвтэж харагдлаа. Хатан түүний дэргэд очиж хөрсөн хөлийг нь хөнжлөөр ороон хумихад хаан түүнийг талархан харж нүдээрээ инээмсэглэв. Хатан түүний хөнжил дээр сууж хөлийг нь дараад “Хөлөө миний дороос угз татан авч чадах уу? Оролдоод үзээч” гэв. Хааны хүч хүрсэнгүй. Хатан түүний хөл дээр суусан чигтээ “Биеийн тань тамир барагджээ. Сэтгэлийн тань эрч ямар байна даа. Хаан ширээг хүүдээ өвлөн гэрээслэх цаг болсон юм биш үү?” гэв. Хаан “Цаг нь болоход цаст уулын цагаан барс өчүүхэн шоргоолжинд баригддаг билээ. Миний тэнхэл суларсан тул ухааны саруул дээр түүнд үгээ захиж, удганы зөгнөсөн аюул тулвал хэрхэн төр улсаа хамгаалах талаар зөвлөж л байна. Жонон хараахан төлөвшөөгүй хэвээр байгааг харж байгаа биз дээ. Иймд би түүний шадар зөвлөхөөр улаан нүүрт Ли баатрыг томилох болно. Хан хүүг тэр төрийн хэрэг мэдэх чадварт болгоод түүнд бүрэн эрхийг шилжүүлнэ бизээ” гэв. Хатан “Та Хан хүүг өөрийн төрсөн хүү биш бодоод дорд үзэж байгаа юм уу?” гэж асуулаа. Хаан “Чи юугаа яриад байнаа?” хэмээн зандраад өндийх гэсэн боловч чадсангүй. Хатан “Хана чихтэй байдаг юм шүү. Удгантай юу ярихыг чинь би сайн сонссон. Та түүний үгэнд ихэд эмзэглэж байна билээ. Би хүүгээ хаан ширээнд бушуухан суулгахын тул таныг тонилгож дараа нь улаан нүүртийг ч хөнөөнө” гэв. Хаан “Ли овогт баатар бол жононг хаан болтол бэлдэж чадах үнэнч хүн юм шүү. Чи түүнийг бүү оролд. Хэрэв Ли баатрыг хөнөөвөл Тангадын төр мөхөх тухай зөгнөсөн удганы төлөг биелнэ гэдгийг чи мэдэж байна уу?” хэмээн асуув. Хатан ”Та жононг өөрийн тань үр биш гэсэн удганы үгэнд итгэсэн үү?” гэвэл “Би үүнд огт итгэхийг хүсэхгүй байна. Хэрэв ийм цуу тарвал хааны эрхийг булаалдах хүмүүс ил гарч Тангадын төрийг доройтуулна. Тэр цагт чиний өчүүхэн хүсэл шунал чинь ч арчигдан арилах тул чи бузар амаа хамхисан нь дээр шүү. Гэнэн залуу цагтаа мунхаг миний бие бөөгийн үзэсгэлэнт охинд сэтгэл алдарсан билээ. Хаан аав, хатан ээж хоёр минь үүнд ихэд эмзэглэж эгчийг чинь хүчээр удган болгосонг санаж л байгаа байлгүй. Сэтгэл зүрхээ шимшрүүлэн шаналж явахад минь чи дэргэд байж аргадан тайтгаруулж байв. Эцэст нь би түүнээсээ урваж чамд дасахад чи надад эгчээсээ илүү сайн гэж итгүүлсэн билээ. Миний хоёр дахь удаагийн хайрын түүхэнд эцэг, эх минь аргаа бараад чамтай гэрлүүлсэн юм. Тэр цагаас хойш чи миний хайрт хань, Тангад улсын хатан хаан болсон” хэмээн хаан хэлэв. Хатан “Би бүгдийг тод санаж байнаа. Би танд үнэн сэтгэлээсээ хайртай байж жононг төрүүлсэнг итгэхгүй байгаа бол харамсалтай л байна. За энэ мэт олон үгийг үүгээр дуусгая. Одоо хаан таны бүр мөсөн амрах цаг боллоо” гээд тас тас инээхэд шадар сайд гэнэт үзэгдэж хааны нүүрийг дэрээр битүүлэн дарлаа. Хаан нэгэнт тамиргүй болсон тул хувь заяатайгаа эвлэрч үл тэмцжээ. “Жонон миний хүү мөн биз дээ?” хэмээн шадар сайд эргэлзэн асуухад “Би чамд хайртай. Хааныг би насан туршид нь хуурсан. Үхэхэд нь ч хуурлаа” гэж хатан шивнэхад шадар сайд бахдан хөхрөв.
Үргэлжлэлийг нэг нэг бүлгээр нэмээд явнаа цаашдаа ...
|