Бүлэг 22.Тав дахь өдөр. Швейцар, Берн.Даалгавар нь мухардалд орлоо.
Роберт Модершедэд байсан зорчигчдын нэрсийн жагсаалтанд их найдвар тавьж байтал, өнөөх нь галд шатаж, ул мөр нь тасарчээ. "Модершедийн гэрт очихдоо л жагсаалтыг авдаг байж. За яахав, энэ надад сургамж болог" хэмээн бодлоо. Ой ухааны нь тэртээ нэгэн буланд нуугдаж байсан тэр нэгэн санаа гэнэт харван орж ирлээ. Ганс Бекерман "Бүх зорчигчид нисдэг биет, үхсэн амьтдыг хараад хөөрөн байхад, тэр хөгшин түргэхэн шиг Берн ороод, маргааш их сургуульд унших лекцэнд бэлтгэх ёстой гэж гомдоллож байсан" гэж хэлсэн биш үү. Энэ бүхэн бүүдгэр, тун бүүдгэр байсан хэдий ч үүнээс өөр учиг Робертод байсангүй.
Тэрээр Бернийн нисэх буудлаас машин хөлслөн, их сургууль руу явлаа. Бернийн төв гудамжнаас Бернийн их сургууль байрлах Люнгассештрасс руу эргэв.
Сургуулийн цогцолбор нь хэд хэдэн жигүүрээс бүрдэх бөгөөд төв байр нь хоёр жигүүртэй дөрвөн давхар чулуун том байр байлаа. Барилгын дээврийг ус гоожуулах сонин жигтэй хэлбэртэй чулуун хашлагаар чимэглэжээ.
Сургуулийн цогцолборын ардхан талд нь Ааре голын эрэгт орших асар том цэцэрлэгт хүрээлэн байрлана.
Роберт захиргааны байрны шатаар өгссөөр үүдний танхимд орлоо. Бекерманаас мэдэж авсан зүйл нь гэвэл тэр зорчигч даваа гаригт лекц унших ёстой, немц хүн гэдэг л юм.
Нэгэн оюутан Робертод ректорын газар руу хэрхэн очихыг нь зааж өглөө. Ректорын үүдэнд захиалгаар хийсэн костюм өмссөн, аварга биетэй, хар хүрээтэй нүдний шилтэй, үсээ овоолсон нэгэн эмэгтэй сууж байв. Эмэгтэй Робертыг харан,
-Таныг сонсож байна? гэв.
Роберт үнэмлэхээ гарган үзүүлж,
-Интерполиос явж байна. Би мөрдлөг хийж явна, таныг надад тус болно уу гэх гэсэн юм, хатагтай . . .
-Фрау. Фрау Шрайбер. Юун мөрдлөг билээ?
-Би нэг профессорыг хайж байна гэсэнд эмэгтэй хөмсөг зангидан,
-Түүний нэр нь хэн бэ? гэлээ.
-Би мэдэхгүй.
-Та түүний нэрийг мэдэхгүй юм уу?
-Үгүй. Тэр орон тооны бус ажилтан, хэд хоногийн өмнө даваа гаригт лекц уншсан байх ёстой гэлээ.
-Орон тооны бус олон профессор өдөр болгон ирж лекц уншдаг. Ямар хичээлээр лекц уншдаг юм бэ?
-Өршөөгөөрэй, юу гэв ээ?
-Юу л даа, оюутнуудад юу заадаг юм бэ гэж байна. Ямар салбарт заадаг юм бэ? гэх түүний дуунд цухалдах шинж тодров.
-Мэдэхгүй.
Хүүхэн тэсвэр алдан,
-Тэгвэл танд юугаар ч тус болж чадахгүй нь. Надад таны мангуу асуултанд хариулж суух зав алга гээд нүүр бурууллаа.
-Хөөе, энэ мангуу асуулт биш шүү. Танд хэлж чадах нууц бол Бид янхан хүүхнүүдтэй холбогдсон профессорыг хайж байгаа юм гэж хэлсэнд,
Фрау Шрайбер гайхсандаа дуу алдав.
-Интерпол хэдэн сарын турш түүнийг хайж байгаа, одоогоор бидэнд мэдэгдэж байгаа юм гэвэл тэр немц хүн, энэ сарын 15-нд танай сургуульд лекц уншсан гэнэ. Хэрэв та бидэнд туслахыг хүсэхгүй байгаа бол бид сургууль даяар тусгай мөрдлөг явуулах болж байна. Хэрэг ийм дээрээ тулбал, хэвлэлийнхэн. . .
-Үгүй, үгүй! хэмээн Фрау Шрайбер дуу алдаснаа,
-Их сургууль иймэрхүү юманд хутгалдах ёсгүй гэх түүний царайд сэтгэл нь түгшсэн байдал илэрлээ.
-Та тэр энд лекц уншсан гэл үү.. . Хэдийд гэлээ?
-Арван таванд, нэг дэх өдөр.
Фрау Шрайбер босон шүүгээ рүү очин бичиг цаас онгичин ухаснаа нэг хавтаснаас хэдэн хуудас цаас сугалан авлаа.
-Энэ байна. 15-нд орон тооны бус гурван профессор лекц уншсан байна гэж хэллээ.
-Миний сонирхож байгаа хүн немц хүн гэж Роберт хэллээ.
-Тэд бүгд немц, нэг нь эдийн засаг, нөгөө нь хими, гурав дахь нь сэтгэл судлалын лекц уншдаг.
-Үзэж болох уу?
Эмэгтэй дурамжхан гэгч нь Робертод цаасаа сарвайлаа.
Тэрээр цаасыг авч үзвэл нэр, гэрийн хаяг утасны дугаар нь бүгд бичээстэй байв.
-Хэрэв та хүсвэл би танд хувилж өгье гэв.
-Үгүй, баярлалаа. Тэдний дунд миний хайсан хүн алга гэж хэлэв. Гэвч тэрээр нэр утасны дугаарыг хэдийнэ цээжилж амжжээ.
Фрау Шрайбер сэтгэл нь амран санаа алдлаа.
-Ээ бурхны минь аврал. Янхандалт! Манайд иймэрхүү явдал гардаггүй сэн гэв.
-Уучлаарай, таныг дэмий сандаргачихлаа гээд Роберт сургуулиас гаран утасны бүхээг рүү орлоо.
Эхлээд Берлин руу ярьжээ.
-Профессор Штробель уу?
-Тийм ээ.
-"Саншайн турз" жуулчдын компаниас ярьж байна. Өнгөрсөн ням гаригт Швейцариар явж байхдаа та манай автобусанд нүдний шилээ орхижээ, тэгээд бид.. .
-Юу ч ойлгосонгүй, та юу ярина вэ гэж профессор гайхан асуулаа.
-14-нд та Швейцарид байсан уу, профессор оо?
-Үгүй, би 15-нд очиж Бернд лекц уншсан.
-Та автобусаар аялалд явсан уу?
-Надад иймэрхүү тэнэг явдалд гаргах цаг зав байдаггүй гээд профессор харилцуураа өлгөж орхилоо.
Дараагийн удаад Гамбург руу ярилаа.
-Профессор Хейнрих уу?
-Профессор Хейнрих сонсож байна.
-"Саншайн турз" жуулчдын компаниас ярьж байна. Та энэ сарын 14-нд Швейцарид байсан уу?
-Та яах гээв?
-Бид танай цүнх манай нэг автобусанд байхыг олсон юм, тэгээд...
-Та андуурч. Би жуулчдын маршрутын автобусаар яваагүй.
-Та манай маршрутаар Юнг-Фрау руу яваагүй гэж үү?
-Би танд үгүй гэж хэлж байна.
-Төвөг удсан бол уучлаарай.
Тэрээр гуравдахь профессор руу ярих үлджээ.
-Профессор Отто Шмидт үү?
-Тийм байна.
Профессор Шмидт "Саншайн турз" жуулчдын компаниас ярьж байна. Бид хэд хоногийн өмнө манай автобусанд орхисон таны нүдний шилийг олсон юм, тэгээд. . .
-Энд нэг эндүүрэл гарчээ.
Робертын зүрх нь дэлсээд ирлээ. Бүх юм хэмхрэн нурж, түүнд юу ч үлдсэнгүй.
-Миний шил байх ёстой газраа байна, би юу ч хаяагүй.
-Профессор оо, та 14-нд жуулчдын автобусаар явсан уу?
-Тийм, тийм, гэхдээ би юу ч хаяагүй гэж танд хэллээ шүү
дээ.
-Баярлалаа, профессор оо.
Роберт харилцуураа тавилаа. Аз нь шовойжээ! Амжилт!
Роберт нэг дугаарт залган генерал Хиллиардтай ярьлаа.
-Би танд хоёр зүйл мэдээлэх гэсэн юм. Танд дуулгасан Лондонгийн гэрчийг санаж байна уу?
-Санаж байна.
-Өчигдөр тэрээр амь үрэгдсэн.
-Өө тийм үү? Тун харамсалтай байна.
-Тийм ээ, эрхэм ээ, би бас нэгэн гэрчийг олох шиг боллоо. Шалгамагц, танд мэдэгдэнэ.
-Утасдахыг чинь хүлээж байя, захирагч аа.
***
Генерал Хиллиард Януст мэдээллээ.
-Захирагч Беллам бас нэгэн гэрч олжээ.
-Сайн байна, бүгд сансрын зэвсэг хийхээс өмнө энэ хэрэг илэрчих вий гэхээс бүгд түгшин, болгоомжилж байна.
-Тун удахгүй, танд мэдээлэл өгөх байх.
-Надад мэдээлэл биш, үр дүн хэрэгтэй.
-Ойлгомжтой.
Платтенштрасс дахь Мюнхений гудамж нь хүрэн чулуугаар барьсан барилгуудтай нам гүм газар ажээ. Тавдугаар байр нь бусдаасаа ялгагдах зүйлгүй юмсанж. Үүдний танхимын хананд эгнүүлэн өрсөн шуудангийн хайрцагийн жижигхэн нүдний нэгэнд "Профессор Отто Шмидт" гэж бичээстэй харагдана.
Роберт хонхыг нь дарлаа.
Өндөр туранхай, даахирч сэгсийсэн буурал үстэй эр үүдээ нээв. Сайхь эр уранхай цамц эгэлдрэглэн, гаанс зуужээ. Робертод энэ нь коллежийн эрхэм профессоруудын нийтлэг төрхийг үзүүлж байна уу эсвэл өөрийн үнэн дүр төрх нь юм болов уу? гэсэн бодол сонирхлыг нь татав.
-Профессор Шмидт уу?
-Тийм ээ.
-Тантай ярилцаж болох уу? Би. . .
-Би тантай ярилцаж байна шүү дээ. Та өглөө надтай ярьсан хүн мөн үү. Би дуу авиа таньж мэдэх шинжээч хүн. Орооч.
-Баярлалаа, танд гээд Роберт зочдын өрөөнд орлоо. Өрөөний хана шалнаасаа тааз хүртэл номын тавиур байрлуулан олон боть номоор дүүргэн, ширээ, шал, буйдан сандал дээр энд тэндгүй ном тавилжээ.
Өрөөнд тавилга гэхээр зүйл байсангүй.
-Тэгэхээр та швейцарийн жуулчдын компаниас яваагүй, тийм үү?
-Тийм, би. . .
-Та америк хүн байна.
-Тийм ээ.
-Тэгэхээр таны айлчлал миний хаяж гээгдүүлээгүй нүдний шилтэй огтын хамаагүй биз.
-Тийм ээ. . . огт хамаагүй, эрхэм ээ.
-Миний ойлгож байгаагаар та ҮМНБ-ийг сонирхож яваа. Энэ нь намайг ихээхэн цочиролд оруулсан. Би тэднийг оршин байдаггүй гэдэгт үргэлж итгэж, хоёр нүдээрээ харахын чинээ огт бодоогүй явсан юмсан.
-Энэ аюумшигтай зураглал байх ёстой.
-Тийм ээ.
-Та энэ хөлгийн тухай бага сага зүйл ярьж өгөхгүй юу?
-Тэр жинхэнэ. . . амьд, эргэн тойрон гэрэл цацарч байсан. Хөх, үгүй ногоон ч юм уу эсвэл саарал, би. . . би бүрэн итгэлтэй биш байна гэлээ.
Роберт Манделийн "Тэр хөх, дараа нь ногоон болон өнгөө өөрчилж байсан" гэж ярьж байсныг саналаа.
-Хөлөг унахдаа газарт цохигдон эвдэрсэн, дотор нь байсан хоёр биетийг нүд хальтраад сайн харж чадаагүй. Жижигхэн. . . том нүдтэй. Тэд мөнгөлөг өмсгөлтэй байсан.
-Та зорчигчдын тухай ямар нэг юм хэлж чадах уу?
-Та автобусны зорчигчдын тухай ярьж байна уу?
-Тийм ээ.
Профессор мөрөө хавчисхийв.
-Тэдний тухай юу ч мэдэхгүй бүгд танихгүй хүмүүс байсан. Би маргааш өглөө нь унших лекцийнхээ тухай бодоод зорчигчдыг анзаараагүй л дээ.
Роберт түүнийг хүлээзнэн харсаар байв.
-Хэрэв танд хэрэг болох юм бол тэд аль улсаас ирснийг би хэлж чадах байна. Би хэдийгээр хими заадаг ч гэсэн хэлний авиа зүйг сонирхдог юм.
-Таны санаж байгаа юм бүхэн хэрэг болж магадгүй.
-Италийн гэгээнтэн, венгер, техас аялгуутай америк эр,
англи эр, орос бүсгүй байсан даа.
-Орос оо?
-Тийм ээ, бүсгүй Москвагаас л лав ирээгүй. Түүний аялгууг сонсоод Киев юм уу эсвэл тэр орчмоос ирсэн гэж бодсон.
Роберт профессорыг хүлээсээр, профессор дуугүй суусаар.
-Тэдний хэн нэг нь нэр ус, ажил мэргэжилээ ярьж хөөрөхийг та сонсоогүй биз?
-Өршөөгөөрэй, би лекцээ бодоод тун завгүй байсан гэж танд хэлсэн шүү дээ. Би сайн санахгүй байна аа, техас эр,
гэгээнтэн хоёр хамт сууж байсан, техас эр зогсоо зайгүй чалчиж явсан. Бодоод байхад гэгээнтэн түүнийг бүрэн ойлгосон гэдэгт итгэхгүй байна.
-Харин гэгээнтэн.. .
-Тэрээр римийн аялагаар ярьж байсан шүү.
-Та тэдний тухай өөр юм хэлж чадахгүй биз?
Профессор дахин мөрөө хавчисхийгээд,
-Үгүй л болов уу даа. Танд тус болж чадахгүйдээ тун их харамсаж байна гээд гаансаа зуун шуналтайгаар сорлоо.
Яг энэ мөчид Робертод гэнэт нэгэн санаа төрлөө.
-Та химич гэсэн үү?
-Тийм ээ.
-Та үүнийг үз дээ, профессор оо. Энэ юу болохыг хэлж чадах уу? гээд Ганс Бекерманы өгсөн металлын өөдсийг халааснаасаа гарган өглөө.
Профессор Шмидт өнөөх зүйлийг авч сайтар нягтлан үзэх зуур царай нь огт хувирсангүй.
-Та хаанаас. .. үүнийг хаанаас аваа вэ?
-Танд хэлж чадахгүй. Энэ юу болохыг та мэдэж байна уу?
-Дамжуулах төхөөрөмжийн нэг хэсэг байж болох юм.
-Та итгэлтэй байна уу?
Профессор гартаа эргүүлж тойруулан үзсээр сууснаа,
-Тун ховор талст байна. Энэ ховилыг харж байна уу? Энэ зүйл нэг том зүйлтэй холбогдон угсрагдах ёстой бололтой. Ямар нэг металлтай. . . Бурхан минь, ийм зүйл урьд өмнө огт үззэгүй юм байна. Та надад үүнийгээ хэд хоног үлдээж болох уу? Би спектр шинжилгээ хийе гэж хэлэх профессорын дуу сэтгэл нь хөөрсөндөө чичирхийлэн сонсогдов.
-Чадахгүй л болов уу гэж Роберт хариулав.
-Гэхдээ...
-Уучлаарай гээд Роберт өнөө зүйлээ эргүүлэн авч халааслав.
Арга нь тасарсан профессор байдлыг өөрчлөхийг оролдож эхлэв.
-Та дараа нь үүнийгээ авчирч чадах уу? Та надад нэрийн хуудсаа яагаад орхиж болохгүй билээ? Би ямар нэг юм санавал танд утасдья гэлээ.
Роберт халаасандаа гараа шургуулж ухаж эхлэв.
-Биед минь нэрийн хуудас алга.
-Тиймээ, би ч бас тэгж бодсон юм хэмээн професор Шмидт намуухан өгүүлэв.
-Захирагч Беллам утсанд холбогджээ.
Генерал Хиллиард харилцуураа авлаа.
-Сонсож байна, захирагч аа.
-Дараагийн гэрч Отто Шмидт, профессор, Мюнхен хотын Плат тенштрассын 5-д амьдардаг гэлээ.
-Баярлалаа, танд захирагч аа. Германы засгийн газарт нэн даруй дуулгая.
Роберт дараагийн гэрчийг эрж хайх боломжгүй, энэ сүүлчийн гэрч гэдгийг хэлэх гэтэл ямар нэг далдын хүч түүнийг тогтоон барьлаа. Тэрээр ялагдал хүлээх тун дургүй ажээ. Одоогийн ул мөр тун балархай байлаа. Техас эр, гэгээнтэн хоёр. Гэгээнтэн Римээс ирсэн гэх боловч тэнд нь хэдэн саяараа байгаа. "Надад сонголт алга. Би бүгдийг орхин Вашингтон руу буцах эсвэл Рим руу мордон эцсийн оролдлогоо хийх..." хэмээн Роберт бодлоо.
Хууль хамгаалан сахиулах захиргааны штаб нь Берлины төвд Ноймарктерштрасст байрладаг ажээ. Энэ нь барилгуудаар хүрээлзгдсэн үл анзаарагдам үзэмж муутай саарал байшин байлаа. Хоёр давхрын хурлын зааланд хэсгийн дарга Отто Йохим өөрт ирсэн бичгийг уншиж сууна. Хоёронтоо уншсаны дараа тэрээр ширээн дээрх улаан утас руу гар сунгав.
Зургаа дахь өдөр. Герман, МюнхенМаргааш өглөө нь Отто Шмидт химийн лаборатори руугаа явах зуур өчигдөр орой америк эртэй ярьсан яриагаа эргэцүүлэн бодож явлаа. Тэр металлыг хаанаас олсон байна аа. Иймэрхүү зүйлийг тэр амьдралдаа огт үзсэнгүй. Америк эр ч түүнийг гайхширалд хүргэжээ. Тэр автобусны зорчигчдыг сонирхож байгаа гэсэн. Яах гэж тэр вэ? Яагаад гэвэл тэд бүгд ҮМБН-ийг харсан учраас уу? Үзсэн харснаа далан долоон үг дэлгэн цааш тараахгүй байхыг сануулах гэсэн юм болов уу? Тэгвэл америк эр өөрт нь яагаад сануулсангүй вэ? Нэг л хачин юм болоод байна даа. Профессор лаборторидоо орж, пиджаакаа бохирдуулахгүйн тулд тайлан өлгүүрт өлгөөд, хормогч зүүлээ. Тэрээр хэдэн долоо хоногийн турш химийн туршилт хийн ажиллаж байсан ширээ рүүгээ очив.
Профессор туршилт амжилттай явагдах аваас энэ нь түүнийг Нобелийн шагналд хүргэх учиртай сан. Тэрээр нэрмэл устай шилэн сав авч түүнийг юүлэн, шар өнгийн бодисоор дүүргэлээ. "Хачин юм даа, ийм тод шар өнгөтэй байсныг нь санахгүй юм" хэмээн профессор бодлоо.
Дэлбэрэх хүчтэй чанга дуу гарч, бүх лабортарийг бүхэлд нь бут үсэргэн тарааж хаялаа. Шилний хэлтэрхий хүний яс махны тасархай хаа сайгүй цацагдан шидэгдэх нь тэр.
"АЯНГА” ЦАХИЛГААН МЭДЭЭ.
МАШ НУУЦ.
ХУУЛЬ САХИУЛАН ХАМГААЛАХ УДИРДАХ ГАЗАР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ АГЕНТЛАГИЙН ЗАХИРЛЫН ТУСЛАХАД.
НЭГ ХУВЬ.
ЗӨВХӨН УНШ.
АГУУЛГА: "ЕРТӨНЦИЙН ТӨГСГӨЛ” АЖИЛЛАГАА.
4. ОТТО ШМИДТ УСТГАГДСАН.
ТӨГСӨВ.Роберт Рим руу нисэх онгоцонд сууж явсан тул профессорийн үхлийн тухай хэвлэлийн мэдээллээс хоцорч орхижээ.