2.
Миний нарны гэрэл харах үгүйгээс үл хамааран, өглөөнөөс шөнө болж, шөнө дахин өглөө болж, шинэ өдөр ирлээ. Хараагүй болчихсон байж өглөө айлчлан ирэхээр сэтгэл минь уужирах нь хачирхалтай аж. Гэтэл сувилагч өглөөний үзлэг хийхээр ирсэн тул бодол минь тасалдаж, дотор уужирсан шалтгаан нууц хэвээрээ үлдэв. Нэг л мэдэхэд тэр ажлаа дуусч, би дахин ганцаар үлдсэн байсан ч өдөр үүгээр дуусчихсангүй. Ээж, ах хоёр над дээр ирэв. Эд надад яг л танихгүй хүмүүс шиг санагдах ба миний төрөл садан гэдэг үнэнтэй би эвлэрч чадахгүй байлаа. Гэвч надад сонголт үгүй тул би өөрийн санаж байгаа Шикигийн байр байдлаар яаж ийгээд хэдэн үг бувтнасан ба ингэснээр ээж баярлаж, ах сэтгэл хангалуун үлдэх шиг болов. Энэ бүхэн эгээ л бид зохиолын дагуу өөрсдийнхөө дүрд тоглож буй зурагт номтой адил санагдана.
Үд өнгөрөх үеэр хаалга онгойн, хэн нэгэн өрөөнд орж ирэх нь дуулдав. Гутлынх нь товшлох чимээг сонссон даруйдаа би миний таньдаг хүн биш болохыг нь мэдээд, өнөөдрөөс шинэ эмчтэй болох тухайгаа санан асуух гэтэл шинэхэн зочин надаас урьтан: -Сайн уу? Өнөөдөр дажгүй юу? гэж хэзээ язааны танил мэт мэндлэх нь тэр. Хоолойг нь сонсвол эмэгтэй хүн ажээ. -Юу гээч, би чамайг нэг үзээрийн амьтан байгаа байх гэж бодож байсан шүү. Гэтэл хараач ээ. Арьс чинь ямар гоё юм бэ. Хоёулаа хэл амаа ололцож чадах нь бололтой дог оо. Би ч азтай юм аа хэмээн шинэ хүн дуржигнууллаа. Хоолой нь залуу хүнийх шиг дуулдав. Магадгүй 20 гарч яваа бөгөөд нэг өндөрсөж, нэг намссан дэндүү баясгалантай дуутай аж. Би түүнийг миний орны хажуугийн сандал руу хүрч очоод суухыг нь сонсов. -Чамтай танилцсандаа баяртай байна. Би эндхийн эмч биш болохоор надад биеийн байцаалт алга. Гэхдээ тэртээ тэргүй нүд мүд чинь боолттой юм чинь энэ тийм сүртэй асуудал биш гэж бодож байна. Би хэл яриа засах мэдрэлийн эмч байгаа юм. Чи афазитай болохоор... -Афази гэнэ ээ? Хэн? Би юу? Өршөөгөөрэй, та намайг өөр хүнтэй андуураад байх шиг байна гэж би эцэст нь нэг юм ам нээлээ. Надад зугаацчихаж болмоор хүн шиг санагдсан болохоор би яриаг нь тасалсан ч тэр огт гайхсан шинжгүй ердөө л “Мхмм” гэх нь тэр. Магадгүй бас толгой дохьсон байх. -Жирийн үед бол би уурлах байсан л даа. Гэхдээ чиний афази буруу оношилгоо болохыг мэдэж байсан учраас энэ удаад ингээд өнгөрөөчихье. Ашика зөвхөн номонд бичсэнийг ягштал баримталдаг эмч болохоор чинийх шиг онцгой тохиолдлын учрыг олж чадахгүй. Гэхдээ байна аа, ганц үүнд хамаг бурууг чихэх аргагүй. Ингээд амандаа ус балгачихсан юм шиг байхаар чинь хэн ч гэсэн тэгж бодох нь ойлгомжтой шүү дээ гээд тэр нөхөрсөг, сэтгэл хангалуун инээд алдав. Яагаад ч юм би тэрнийг нүдний шил зүүснээр төсөөлөв. Зүгээр л тийм хүн шиг санагдсан болохоор тэр л дээ. -Тэгэхээр тэд намайг афазитай гэж бодож байгаа байх нь ээ? -Тийм. Эцсийн эцэст ослын үеэр чи толгойдоо цохиулсан нь үнэн шүү дээ. Тэгээд л тархин дахь хэл ярианы чинь үйл ажиллагаа гэмтэж гэж тэд бодсон байж таараа. Гэхдээ тэгээгүй, тийм биз? Чи ердөө л жижиг сажиг асуудалтай нэг зөрүүд охин. За тэр ч яахав, одоо миний хэрэг байхгүй болчих шиг боллоо. Гэхдээ би ажилд ороод ганцхан хувийн дараа халагдчихмааргүй байдаг. Тэгээд ч миний нөгөө ажил дээр үйлчлүүлэгч шавчихаагүй байгаа болохоор чамд хань болдог юм уу гэж бодлоо л доо. Гэвч ганцхан хувь ажиллах хугацаандаа тэр арай гэж тэвчим, ядаргаатай хүн гэдгээ нотлоод амжчихсан байв. Би сувилагч дуудахаар товчлуур луу сарвайтал эмч надаас өрсөх нь тэр. Би түүний гар товчлууранд түрүүлж хүрэн, тун ч шалмагаар миний хүрэхгүй газар луу шилжүүлэхийг мэдрэв. -Яаж байна аа, та чинь? гэж би эгдүүцэв. -Ёох, дөхлөө шүү. Ашикаг дуудчихвал тоглоом дуусаа л гэсэн үг. Алив ээ, хоёулаа нэг тохиролцоо хийе. Чи афазитай дүр үзүүл, харин би чамаас элдэв тэнэг асуулт шалгаахгүй. Тэд өөр эмч дуудах шаардлагагүй, харин би жаахан мөнгө хийгээд авъя. Ингэвэл хоёуланд маань л ашигтай. Юу гэж бодож байна? Юу л даа, энэ бол сайхан санал гэдгийг би үнэндээ зөвшөөрч байсан ч, зарим талаараа гарцаагүй хууль бус хэрэг байлаа. Гэсэн ч би ийм юмыг өчүүхэн ч эргэлзэлгүй зоригтой гэгч нь дуугарч чаддаг сайх эмэгтэйг чухам ямар гээч хүн бэ гэж гайхав. Би түүн рүү эгц харж байгаа гэж найдан, боолттой нүдээ хоолой гарах зүг рүү чиглүүлээд: -Чи жинхэнэ эмч биш, тийм биз? гэж асуув. -Эхний оролдлогоороо л таачихлаа шүү. Би ...шид маягийн юмсаар оролддог юм. Бурхан минь гэж, галзуу юм байна. -Надад дуураймал жүжигчин хэрэггүй гэж би хэлэхэд тэр часхийн хөхөрч: -Хэрэггүй байж мэдэх л юм. Эцсийн эцэст сэтгэл дэхь хоосон нүхийг чинь шидтэн дүүргэж чадахгүй. Жирийн хүн л тэгж чадахаас хойш гэх нь тэр. -Хү...хүлээгээрэй, чи сая юу гэсэн бэ? -Анзаарсан юм бий вий. Хар л даа, чи одоо гав ганцаараа болсон. Түүнийг ингэж хэлэхэд анх хөгжилтэй өнгө аястай санагдаж байсан хоолой нь заналхийлж байгаа мэт дуулдав. Үүний дараа тэр инээдээ барьж ядан шуухитнаад босч, хаалга чиглэн өрөөн дундуур алхлах нь сонсогдлоо. -Өнөөдөр чамд ярих сонирхол үгүй бололтой. Одоохондоо ингээд орхиё. Маргааш дахиад оролдомз. Баяр-тай. Түүнийг баяртай гэж хэлэх үед хоолойнд нь мөнөөх хөгжилтэй өнгө эргэн ирэв. Хаалга нээгдэж, хаагдах чимээ түүнийг гэнэт ирсэн шигээ гэнэт явж одсоныг илтгэлээ. Би баруун гараа арай чамай урууландаа хүргэв. Түүний хэлсэн зүйл намайг хэлэх үггүй болгожээ. Гав ганцаараа, сэтгэлийн хоосрол гэх үгс намайг эргэн санахад хүргэв. Үгүй ээ, бурхан минь, үгүй. Би яаж тэрнийг мартаж чадав аа? Би түүнийг олсонгүй. Санаа сэтгэлдээ би дахин дахин дуудсан ч, тэр, нөгөө би хариулсангүй. Риоги ШИКИ явчихаж. Тэр алга болчихжээ. Шики нэгэн цагт өөрийг нь хугаслан дотор нь нойрсох ондоо зан чанартай хүмүүсийн нэг байсан билээ. Энэ нь Риоги удмынханд үе дамжин ирсэн онцлогоос болсон юм. Домог ярианд эрт үеийн иймэрхүү ер бусын, нууцлаг зүйлсийн тухай бүдэг бадаг өгүүлдэг ч, итгэж болох үгүйг үл мэднэ. Жирийн гэр бүлүүд үүнийг хараал гэж тооцох байсан бол манай овгийнхон эсрэгээрээ баярлаж тэмдэглэн, бахархаж, хишиг буяны шинж гэж үзэх бөгөөд ийм онцгой шинжтэй төрсөн хүнийг удам залгамжлагч гэж тооцно. Шики тийм төрсөн бөгөөд энэ учраас болж ахыгаа даван гэр бүлийнхээ залгамжлагч болсон байлаа. Шики онцгой тохиолдол байсан юм. Хоёр дахь зан чанар бодит хүнээсээ эсрэг хүйстэй байдаг бөгөөд арга, билиг дундаас үргэлж эрэгтэй нь давамгайлна. Энэ онцлогийг авч төрсөн хүмүүс бүгд дотроо эмэгтэй хүн агуулсан эрэгтэй хүмүүс байсан атал Шики эмэгтэй болж төрсөн анхны тохиолдол байв. Түүний дотор ШИКИ гэгч эрэгтэй байсан юм. Ихэнх үед Шики, өөрөөр хэлбэл би биеэ удирддаг байв. ШИКИ миний бүхий л илэрхийлж үл чадах бодлууд, нуугдмал чанарыг төлөөлнө. Шики жирийн байх ганц зам бол дотроо орших ШИКИ гэгч харанхуйг дахин дахин алж, нууж хааж амьдрах гэж ойлгодог байсан ба ШИКИ ч үүнд дургүйцсэнгүй. Ихэнх үед ШИКИ дуулгавартайгаар номхон хэвтдэг байсан бөгөөд би түүнийг илдээр тулалдах гэх мэт түрэмгийлэл шаардсан онцгой тохиолдолд дуудан гаргаж ирнэ. Тэр ч ил гарах боломжийг үргэлж баяртайгаар хүлээн авдаг байсан ч, үүний сацуу уйдан залхаж, үүргээсээ сайн дураараа огцордог байв. Өнгөц харахад эзэн зарцын харилцаа шиг харагдаж мэдэх ч үнэн хэрэгтээ хамаагүй ярвигтай. Эцсийн эцэст Шики, ШИКИ 2 нэг хүн шүү дээ. Шикигийн хийсэн бүхэн ШИКИгийн ч бас хүссэн зүйл байдаг бол ШИКИ хийхийг хүссэн зүйлээ өөрөө хориглон дардаг байлаа. Энэ нь ч сайн хэрэг ба ШИКИ ...үхлийн аюул бүхий хүсэл сонирхолтой байсан юм. Гэвч миний мэдэж байгаагаар тэр үнэндээ аллага ...үйлдээгүй байж мэднэ. Гэсэн ч юу үнэн бэ гэвэл тэр мөнөөх залуу хүүг хөнөөхийг зогсолтгүй мөрөөдөж байсан ба Шики үүнийг нь хатуу хориглож, аль чадахаараа үл тоомсорлож байсан явдал. Гэвч тэд нэг нэгнээ үл тоомсорлолоо ч хэзээ ч салж хагацаж чадахгүй бөгөөд Шики хорвоо ертөнцийн энгийн гэсэн бүхнээс тусгаарлагдсан ч ШИКИгийн ачаар огт ганцаардаж үзээгүй билээ. Гэвч эцэст нь 2 жилийн өмнө, Шики ахлах сургуулийн 1-р ангид байх үед энэ холбоонд ан цав үүсч эхэлсэн юм. ШИКИ урьд өмнө нь огт биеэ ашиглая гэдэггүй байсан ч анх удаагаа ил гарч, хяналтыг гартаа авахыг хүссэн бөгөөд үүнээс хойш Шикигийн ой санамжинд цоорхой үүсч эхэлсэн ба юу тохиолдсон, юу хийснээ мартдаг болов. Миний хувьд гэвэл 10-р ангиас эхлээд осол хүртэлх дурсамж минь үгүй болсон бөгөөд хэрэг явдлуудыг бүхэлд нь биш зүгээр л хэсэг бусаг тасархай зүйлүүдийг санаж байв. Аллага болсон газар ам хатаж, час улаан цус руу ширтэн зогсож байгаагаа. Бас жаргах нарны гэрэлд угаагдан буй ангид зогсох ангийн хүүхдийн тухай дурсамж. Хоёр дурсамж хоёул ижилхэн улаан туяа татуулна. Шикиг сүйрүүлсэн, ШИКИгийн алахыг хүссэн, Шикигийн хамгаалахыг хүсч байсан эгэл жирийн амьдралын сүүлчийн хэлтэрхий болсон тэр ангийн хүүхэд. Комоос сэрснээсээ хойш би түүний нэрийг санах гэж хичнээн ч их хичээсэн ер бүтээгүй юм.
Эмнэлэг өөрийн гэсэн хэмнэл, уур амьсгалтай. Өглөөний чанга дуу чимээ шөнө болоход аажмаар намжсаар аниргүй болсон байна. Үүдний хонгилд хааяадаа углаашны чимээ сонстон, амар тайвныг эвдэж, сэрүүн байгааг минь сануулна. Миний нүдийг тагласан боолт орь ганцаараа болохыг минь тодотгохоос цаашгүй бөгөөд Шикигийн хувьд энэ бол огт үл мэдэх харь мэдрэмж байлаа. Тэр хэзээ ч ганцаараа байж үзээгүй юм. Гэвч ШИКИ үгүй болсон бөгөөд байхгүй байгаа нь маш тод мэдрэгдэж байлаа. Үнэнийг хэлэхэд би түүний оройн зайг мэдрэхгүй байгаа учраас л би бол тэр биш, би гэдгээ мэдэж байгаа хэрэг. -Хэн биш вэ гэдгээрээ, юу алдсан бэ гэдгээрээ өөрийгөө тодорхойлно гэдэг хэн болохоо мэдэх хамгийн муухай арга байна гэж би улиг болсон аргаар өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч, нэмэр болсонгүй. Би гунигладаг ч болоосой. Тэгвэл “эмчийн” хэлсэн, надад байгаа тэр сэтгэлийн хоосрол өөрчлөгдөж болох юм. Аливаа юмс хуучин хөлгийн их бие адил дотроо юу ч үгүй бол ямар ч үнэ цэнэгүй. Тийм бол би юу оруулах ёстой вэ? "Би орчихъё" гэж хэн нэгэн өрөөн дотор хаа нэгтээгээс шивнэх нь дуулдав. Хаалга дуулдахгүй шахам чахран нээгдэх нь сонстож, үүдний хонгилоор агаар урсан орж ирэх нь мэдрэгдэв. Би өөртөө энэ бол хий төсөөлөл гэж хэлэхийг оролдсон ч, чимээ гарсан зүг рүү өөрийн эрхгүй эргэлээ. Ер бусын цагаан манан анивчин, сүүмэлзэнэ. Би харах боломжгүй хэдий ч, түнэр харанхуйд тэр үзэгдэж байлаа. Хүн аятай зогсож байх хэдий ч, тогтоон барих ясгүй тул шингэн, хий хоёрын дундах төлөвтэй байв. Тэр зэвүү хүрэм хөдөлгөөнөөр тархан, над руу чиглэн урслаа. Би хөдөлж чадахгүй тул яаж ч чадсангүй, хүлээхээс өөр арга байсангүй. Гэхдээ ядаж л тэр дүрстэй ажээ. Дүрс бүхий зүйлийг хүний оюун ухаан хүлээж авч чаддаг тул ямар ч хэлбэргүй зүйлс л жинхэнэ аймшиг гэсэн үг. Тэр хэрэв сүнс гээч нь мөн бол би түүнээс дайсагнал мэдэрсэнгүй бөгөөд гайхмаар нь бүр тайван сэтгэгдэл төрүүлж байв. Амьгүй энэ зүйл, амьдрах зорилгогүй болсон бид хоёр хэр зэрэг ялгаатай бол? Сүнс хацрыг минь илбэхэд ар нуруу руу минь хувин дүүрэн зайрмагтсан ус цацах адил мэдрэгдэж, хамаг бие хөшчихөв. Өвдөж байсан ч, би хөдөлж хүчирсэнгүй. Дуу хоолой минь ч гарсангүй. Хүлцэхээс өөрийг хийж чадсангүй. Бид шөнө дундаас нар мандах хүртэл яг тэр хэвэндээ хөдөлгөөнгүй үлдэв. Харин өглөө би түүнийг ямар нэг нялцгай биет наранд хатах шиг хайлан одохыг мэдэрсэн ба мөс шиг хүйтэн атгалт нь сулрав уу үгүй юу би бөх гэгчийн нойронд автлаа.
Last edited by zolushka_717 on Oct.16.15 6:47 pm, edited 2 times in total.
|