Арван зургадугаар бөлөг
АГУЙН ШҮТЭЭН
Өөдөө салаар явах аргагүй тул Ихэрэс эрчүүл Шонхолойн буцах зам гудас хустай газраас үйс хуулж, хоёр хүн суугаад явж болох, явж боломгүй газар өргөөд явах үйсэн завь хийж өгнө гэж хэлэлцсэн байлаа. Ихэрэс омогтон тийм завь хийхийг нутаг зэргэлдээд бий болсон үйсэн завьтан нэгэн аймгаас хийж сурсан бөгөөд хөнгөн хурдан сайхан онгоц гэж нэг хүн, хоёр хүн суух үйсэн завь зарим загасчин хийж хэрэглэдэг болсон байжээ. Бух өвгөн Шонхолой худыг үдэн гаргаж өгөхдөө үйсэн завь хийдэг урчуулыг олж, урт замд нь хэрэглэх тийм завь замд нь хийлгэж өгөхдөө Шонхолойг нутагтаа бас үйсэн завь хийж хэрэглэх аргыг нь үзэж сураг гэж бодсон байв.
Өдөрчийн газар их мөрөн дагуу хус мод үлэмж буй газар маш бүдүүн хустай тул, үйсэн завь хийхэд таатай юм гэж нэг Ихэрэс анчин газарчилж явсаар нээрээ ч жигтэйхэн их том хус модтой газар хүрч ирээд, тэр анчин, бүдүн хусны үйсийг хуулан авдаг аргыг нь Шонхолойн нөхөд сэлтэд нь үзүүлж, одоо цаг нь арай оройтсон, гэвч аргалан хуулж болно. Ёстой зохист цаг нь дол орсон цаг байдаг юм гэж Чонос анчинд хусны өргөн үйс хуулж, завь хийх арга зааж, хоёр хоёр хүн суугаад явах хоёр онгоц хийж залах сэлүүр гэж хоёр талдаа халбага шиг хавтгай сэлүүр хийлцээд, тэр үйсэн завийн хитүгэн талд нь юмаа хийгээд явах шургуулгатай, урагшаа хөлөө жийгээд, жад зэмсгээ шургуулах зайтай тун хөнгөн завь хийгээд, бургасны долоор үдээр хийж, цоорхой гарвал үйсэн нөхөөс тавиад ус оруулахгүй гэж үдээрийн нүх сүвийг давирхай жилийгээр шавах арга байдгийг зааж өгөхийн хамт, усанд завиа аваачиж залах сэлэхийг үзүүлэхээр боллоо.
Үйсэн завь хийж Их мөрний эргэд үүрэн аваачиж, Үхүү, Гекүү хоёрыг хоёр хүн завийн урд талд сууж сэлэх, залахыг сургатал хоёр хонож тэр завсар Үхүү Шонхолойн урд, Гекүү Залуудайн өмнө сууж сэлэх, бас ардах хүнийхээ сэлэх залахад хүч нийлүүлэхийг сурцгааж Ихэрэс анчин тэр ойн хоёр хүнийг ээлжлэн сургаж Бух өвгөний үгээр бол нилээд "элдэн боловсруулжээ". Чингээд гурав хонохын өглөө нь Бух өвгөн,
Алгана зэвгийн мах
Араанд шалай болов
Ан гөрөөсний мах
Амттай санагдах болов
гэж ууланд агнахаар болж, отог дээрээ хэдэн хүн үлдээгээд Шонхолойг нөхөдтэй нь дагуулан ууланд гарлаа. Хусан ойд уулыг даваад нэг бор нуруун дээр гарч доошоо тонгойтол будан татсан оройтой нэг сайхан уул цаана нь байв. Модон захаар нь ан тураг үзэгдэхэд тэр уулыг чиглэн явтал, арван хоёр салаат буга, ширэнгэ дотроос гарч ирснийг амин газар нь онож, Шонхолой ганц сумаар унагасанд Ихэрэс гөрөөчин харвал зааж өгөөрэй гэж гуйцгаахад нь намрын ав болохоос өмнө налгай сайхан нумтай болгож, харвал заана гэж амлав. Чингээд ууланд гартал, хаданд явсан нэг хүдрийг өвгөн Бух харван унагаж, Булжуухай худгуйд өгөөрэй гэж заарыг нь Шонхолойд өгөөд хоёр соёог нь мулталж аваад анчиндаа буга өвчиж байсан нөхөд дээрээ хүдрээ үүрэн аваачиж, отог дээр буга хүдрийн махаар хоол хийж байгтун гээд бусад анчнаа дагуулан Шонхолойн нөхөдтэй ууланд гарваас энгэр талд нь нэг хадны хөмөгт агуй шиг юм харагдав.
- Тэр юун агуй вэ? гэж Залуудайн сонирхоход Бух өвгөн,
- Бүү мэд. Би энүүгээр урьд яваагүй гээд анчнаасаа асууваас, нэг хүн өгүүлрүүн:
- Энэ газар даруй Булагад хүний нутаг Будант гэдэг уул. Энэ ууланд Булагад омогтон тахидаг Будан эвийн агуй бий гэж дуулсан. Тэр байлгүй дээ. Булагад хүн ан хийх, аянд явахдаа Будан эвийн агуйд очиж идээнийхээ дээж тавьж тайдаг юм гэдэг гэхэд нь,
- Алсын аянд зорьсон Шонхолой худад Булагад ах дүү нэрийн маань эвийн агуй замд нь тааралдах нь бэлэгтэй сайхан байна. Хатавчинд нь ирээд харалгүй, босгонд нь хүрээд буулгүй буцаж болохгүй. Будан эвийн агуйд будаг зосоор зураг өргөнө, харь газраас хар толгой мэнд буцвал хөрөг дүрийг нь шинэтгэнэ гэж амлаж явсан юм. Амласандаа эзэн болсуу. Будан эвийн агуйд орсуу! гээд Бух өвгөн хадан хөмгийн зүг мацав. Бусад нь хойноос нь дагалцан агуйн амсарт хүрвээс амсар нь бага мэт харагдах авч дотроо өндөр уужим. Галд нь чулуугаар овоо босгож Бай Кул далай нуурын усны хясаа, далайн хөвөөнд янгир хирис, бух гөрөөс, угалз хандгай бугын эвэр, хутган соёотой бар, хүдрийн соёо тавиастай хатаамал борц, жимс, төмс тавиастай байгааг үзээд Бух өвгөн саяхан агнасан хүдрийнхээ соёог тавив. Чингээд бор цайвар чулуун агуйн амсар доторх хадан хоёр хананд нь хүн ангийн дүрс улаан зосоор зураастайн зарим нь балархай шиг болсныг үзээд бүснээсээ агссан эвэр халзын таглаа сугалаад,
- Нангиа газраас авч ирсэн нарийн зос. Одоо л надад хэрэг болох нь өвгөн дархан Пек Тенег агуйн өтгийн тосоор найруулж өгсөн юм гээд, агуйн балархай зургийг сэлбэж, хулан, тахь, тэх, бух гөрөөс, арслан зааны дүрс тэр тун хурц өнгөт зосоороо сүрхий дүйтэй дадамгай зураачийн намбатайгаар зурж эхэлсэнд нь Залуудай хажуунаас нь сонирхон харж ганц нэг чадамгай зураасаар ан амьтны төрх байдлыг нь айхтар онон гаргаж байгаад нь үнэхээр бахдаж байв. Чингэж байтал хүн алхах хөлийн чимээ гарч, агуйн амсарт чийрэг сайхан биетэй нэг эр гараад ирэв. Тэр хүний хүрэн бор царай шударга эрс хүний шинжтэй бөгөөд нүд нь төв амирлангуй, харсан хүн бүхний сэтгэл татмаар тийм нэгэн эр ажээ.
Агуйн амсар дотор сууж байгаа хүн, хананд зураг зурж байгаа Бух өвгөн сэлтийг хараад, гаднаас ирсэн тэр хүн
- Амар мэнд байна уу? Та нар аль омгийн юун хүн бэ? Хэт нутаг хаана вэ? Хэрэг зориг юунд вэ? гэж ханхгар хөндий цээжнээс нь гарч байгаа цээл сайхан хоолойгоор асуусанд бүгд түүний зүг хандаж Бух өвгөн,
- Бидний олонх Ихэрэс омогтон. Миний нэр Ихэрэс Бух гэдэг. Өмнөд Нангиад газар явахдаа Булагад олны Будан эвийн агуйд хөрөг зургийг нь шинэтгэж өгнө гэж амласан билээ. Чингээд Нангиад газраас надтай хамт явсан Чонос аймгийн Шонхолой нөхөртэйгөө худ ураг болоод, үдэн гаргаж явтлаа санамсаргүй Будан эвийн агуйн хавьд хүрч ирээд урьд амласан юмаа гүйцээх цаг түүх нь боллоо гэж агуйд нь бараа бол, зосоор зурсан зураг хөрөг шинэтгэж байна гэхэд нь, тэр шинэ ирсэн хүн,
- Анд яваад сураггүй болсон хүн, урд зүгээс газрын хол, усны уртаас аялан хүрч ирлээ гэж би дуулсаан. Энэ хоёр хүн яасан, манай Булагад нутгийн сав газар ойд байдаг Хумка хүнтэй зүс байдал төстэй хүн бэ? гэж Үхүү Гекүү хоёрын зүг заан асуусанд, Гекүү тэр Хумка гэдэг омгийнхоо нэр сонсоод ихэд гайхан, зүрх нь цохилж сэтгэл нь хөдлөн,
- Энэ газар Хумка хүн байдаг юм уу? гэхэд нь
- Шивэр их модонд Хумка хүн байдаг юм аа. Тогтмол суурьшсан газар үгүй, ойд хэрэн хэсэж явдаг улс. Өвөл хавар манай Булагад өрхийн хавиар үзэгдэж, тарчиг ховор цагаар өл залгах юм гуйж явдаг юм. Гал гэж мэдэхгүй, гутал чархи гэж мэдэхгүй, ядруухан омогтон доо. Хэл бас Булагадтай сайн нэвтрэлцэхгүй, дохио зангаагаар л нэг юм мэдэлцдэг улс даа. Хамар сайтай. Муу мах байхгүй, тийм л аймаг омогтон доо. Би энэ хавар хүртэл ойд дайралдаж байсан гэхэд нь Гекүү
- Эндхийн Хумка нар, өөр газар Хумка хүн бий гэдэг үү? гэхэд,
- Би хэлийг нь мэдэхгүй, дохиог нь л мэднэ. Манай хэл муухан мэддэг нэг өвгөн Хумка Үхүү гэдэг өвгөн урд зүгт явалцахаа байсан гэж өвгөдөөс сонссон үг бий гэж Булагад хүнд ярьсныг нь би дам дуулсан. Тэгээд энэ хоёр хүн, манай Хумка хүний төстэй тул, би сонирхож асуусан юм аа гэхэд нь,
- Би Хумка Үхүү гэдэг хүн. Манай урд зүгийн Хумка хүн, хойшоо их модоор аялбал, шинэ сар ургахыг гурав дөрөв үзэхэд, Хумка хүний царай үзэж, үгийг нь сонсож болно гэж эцгээсээ би урьд дуулсан, тэгээд урд зүгийн хүн, учрахын тэмдэг болгож, унтахдаа толгойгоо заавал хойш нь харуулж унтдаг. Хойд зүгийн Хумка хүн, урагшаа харж унтдаг. Чи хойшоо харж унт гэж намайг сургадаг асан гэж хэлээд, одоо урд газар толгойгоо хойш нь хэвтэх Хумкагаас энэ бид хоёр л үлдсэн дээ гэж гунин хэлэхэд нь тэр хүн,
- Аа, яаж мэдэхэв? Их ой дотор хэрэн хэсэж явдаг омогтон, бөөнөөрөө нэг дор байдаггүй юм хойно, нэг хэсэг нь аюулд учравч, нэг хэсэг нь хэрэн хэссээр байлгүй яахав? Миний бодолд орохдоо урд газрын шивэр их модонд Хумка хүн бас байна! гэж зоригтой хэлэхэд нь Гекүү ихэд баярлаж,
- Таны нэр хэн бэ? гэхэд нь
- Урд зүгийн Хумка хүн гэхэд, манай хэл сүрхий сурчээ. Манай Хумка хүн ийм цэвэрхэн хэлж чадахгүй шүү гээд, Бух өвгөний зүг хандаж,
- Би Булагадын Арслан манаач гэдэг миний нэр та дуулсан ч байж магадгүй гэхэд нь
- Дуулалгүй яахав? Нэр сонсоод, зүс үзээгүй болохоос,
Гурван орон хэсүүлтэй
Гурмасан сухай манаатай
Өргөн их цээжтэй
Өндөр их сугатай
Хамаг олондоо хайртай
Булагад олондоо элэгтэй
Ах зах арслан манаач
гэж хэлцэхийг дуулсан даа. Өнөөдөр Будан эвийн агуйд Булагадын сайн Арслантай уулзсандаа их баяртай байнам би. Хол нутагтаа Чонос Шонхолой худын минь орон нутагтаа саадгүй сайн явж хүрэхийн Арслан манаач та, санаандаа саналцаж, бодолдоо бодолцож, өргөн их цээжиндээ дурдаж, өндөр их сугандаа түшүүлж, гэгээн ухаандаа, харанхуй шөнө зүүдэндээ орхилгүй яваа та! гэхэд нь тэр чилгэр сайн эр мишээж,
- Эзэн хичээвэл аз хичээнэ гэдэг мэргэн үг бий. Худыг нь харвал сэлбэлгүй сэцэн хүн байна л. Хүүг нь харвал нүдэндээ галтай, нүүртээ цогтой, сэргэлэн хурц залуу мэт харагдаж байна. Магтуулсандаа маасганаж, сайн хэлүүлсэндээ сагсууралгүй, гутахгүй хатуу зоригтой, гунихгүй хатан сэтгэлтэй, хүнд сайн, хүний үнэртэй, зорьсондоо хүрч, хэлсэндээ эзэн болж яваарай хүү минь! Аавтайгаа, нөхөдтэйгөө аяндаа аштай, замдаа заяатай, хоногтоо хоолтой, араатан халдашгүй хүчтэй ханьтай алхац арвитай, явдалд дорвитой сайн явж, санасан газраа саадгүй хүртүгэй гэхэд нь бүгдээрээ:
- Тэр сайхан ерөөл бат оршиг! гэж баярлалдав. Арслан манаач Бух өвгөний сайхан найруулсан зосыг бахдаад түр хэрэглүүлэхийг гуйж
- Өвлийн идэш базаах гэж, манай Булагад, намрын сүүлчээр ав хийх гэж, бутанд уулын агуйд буурал ээжээс хулангийн хутаг, тахийн хишиг гуйгаач гэсэнд нь ангийн дүрсийг сэлбэн зурах гэж ирсэн билээ би. Гэтэл та ирээд надаас сайхан зурж байгаа тул, би таны энэ сайхан зосоор хэдэн юм зарим зураг дээр нэмсүү гээд зарим ангийн зураг дээр жад ****** зураас нэмэв.
Залуудай, Арслан манаачийн зос аваад, бас хэдэн годоль сум шигдэж амнаасаа цус цувруулж байсан хутган соёотыг самнаа зургийн байдлаар зурсанд тэр хүн,
- Энэ яасан богино жад вэ? чи хэмжээг нь алдаж зурсан биш үү? гэхэд нь амсарт нэг буланд зураасан жад, саадагтай нум, хоромсоготой сумаа зааж,
- Манай хоёр аав урд газраас ийм зэмсэг хийдэг болоод ирсэн гэж, Арслан манаачид хавчаахай нум, годоль сумаа үзүүлэн, доошоо буухдаа харваж үзүүлнэ гэхэд нь Гекүү,
- Би энэ өндөр хушийн орой дээрх тэр гурван боргоцойг харваад өгсүү гээд, ганц сумаар гурван боргоцой унагасанд, Арслан манаач Бух өвгөнд,
- Та нумчинтайгаа энэ агуйн дээд салбарт оролцож, нэг юм харваж өгнө үү гэхэд нь Бух, Шонхолой, Залуудай, Гекүү дөрвүүлөө агуйн амсраас салбарласан нэг нарийн нүхээр бамбар барин шургаж ороод үзвэл, дотроо маш уужим өндөр бөгөөд нэг хананд нь шар улаан зосоор тахь, үхэр гөрөөс, угалз янгир, гурын дүрс зурсан нь цөм олон анчин жадлан хөөж, унагааж байгаа зураг ажээ.
Агуйн дунд шавраар, хэвтэж байгаа нэг тахь хийж, тахийн арьсаар нөмрөгдсөн байв. Тэр тарьмал тахийг тойрон олон хүний хөлийн мөр бамбарын гэрэлд харагдсанд Шонхолой,
- Энэ шавраар барьсан тахийг нар зөв тойрсон олон хүний мөр ямар учиртай юм бэ? гэж асуувал Арслан манаач,
- Намрын их ав хийж өвлийн идэш бэлтгэхийн урд Булагад омогтон энд хүрч ирээд, бамбар барин энэ тахь тойрон бүжиж, сайн сайн анчин жадалдаг юм. Ан олз ихтэй болдог гэж эртгээс нааш заншсан ёс доо. Жад чулуу хүрэхгүй газраас тусгадаг танай энэ зэмсгээр нөхөд, энэ шавар тахийг нэг нэг онож, манай энэ намрын ан авыг урагштай болголцож өгөөч гэхэд нь эрт балрын хүн, ажил явдлаа урагштай сайхан болгоно гэж итгэж боддог байсан тулд Бух, Шонхолой, Залуудай огт гайхсангүй, гуйсан ёсоор нь нэг нэг сум харван тэр барималд шигдээстэй үлдээжээ. Гекүү нөхдөө дууриан бас нэг сум тавиад Хумка нар нум сум байтугай, олигтой чулуун зэвсэг засаж чаддаггүй бөгөөд байгаль ертөнцийн тухай мэдлэг нь нэн ч балар байсан тул,
- Одоо бид сумаа сугалж авах уу? гэж асууваас Арслан манаач,
- Одоо сумаа сугалж болохгүй ингээд л үлдэх ёстой гэсэнд
- Ээ тэгвэл би хайран том годлио харваж энэ шавар тахид идүүллээ. Годоль шалгах дуртай юм гэж надад урдаар хэлж өгсөн бол би арай ондоо годоль энэ тахид шааж өгөх юмсан гэхэд нь Гекүүгийн годлио харамсан, бамбарын гэрэлд байн байн харж, байхад нь Залуудайн инээд нь хүрч би чамд нэг сайн годоль өгнө гэхэд нь,
- Гекүү тоо сайн сураагүй нэг, хоёр, олон гэж гуравхан тооны үг мэддэг тул хоромсогондоо байгаа сум зааж надад олон годоль байгаа дээр энэ шавар тахийг харвасан нэг годоль, Залуудайн өгнө гэсэн нэг годоль нэмбэл, нэг годоль, хоёр годоль, бас нэг годоль, бас олон годоль, бас олон годольтой байх юмсан гээд санаа алдсанд, Шонхолой инээд нь хүрэвч царайг төв болгон:
- Би чамд бас нэг годоль өгөмз энд тийм үг хэлж болохгүй гэв. Гекүүгийн годлио харамсах үгийг нь сонсоод Арслан манаач зэвүүнээр инээмсэглээд, нүд нь тун сонин харцтай болж, бамбар барьсан гараараа тэр шавар тахийн зүг заамагц дөрвөн харваачин, өөрийн эрхгүй түүний заасан дагуу харваас, өнөөх тахийн арьс нөмрөөстэй шавар тахь хөдлөх шиг боллоо. Энэ яаж байгаа нь тэр билээ гээд, хэдэн бамбарын сүүмэлзэх гэрэл сонин сүүдэр хөдлөн үзэгдэж байгаа харанхуй агуй дотор, шавар тахийн зүг бүгдээрээ харваас, шавар тахь хэдийн байхгүй, дөрвөн сум шигдсэн нэг их сүртэй том тахийн азарга босох гэж догшин сүртэй нүднээс нь цахилгаан цахилах мэт, Гекүүгийн өөдөөс муухай харан, чонон хоёр чихээ хулмалзуулан ам юугаа ангайж, шүд юугаа ярзайлгаж, цустай хөөс сахруулан цээжээ өндөлзүүлэн босох гэж овс овс хийгээд, агуй дотор цуурайттал догшин сүртэйгээр унгалдан, Гекүүгийн годолийг шүдээрээ шүүрэн биеэсээ суга татаж аваад, толгойгоороо нэг ширвэмэгц годоль шурхийгээд, Гекүүгийн гуя хөндлөн цохиод хуга буужээ.
Гекүү царай нь үнсэн хөх болоод ёо! хэмээн, гартаа байж байсан бамбараа газар алдан, царайд нь тэсгэлгүй эмээсэн байдал тодров. Догшин тахь урд хоёр хөлөөрөө газар цавчмагц зүг зүг оч цацран, ногоон туяа гэрэл татуулахад агуйн туурганд зураастай байсан олон амьтан хөдлөх шиг харагдав. Чингээд нүд ирмэх зуур, тэр тахь өөдөө цоройн Гекүүгийн зүг эргэж толгой дээр нь урд хөлөөрөө цавчих гэхэд Залуудай шаламгайлан нэг харвамагц тэр тахь агуй дотор хүнгэнэтэл газар ойчив. Цөм тэсгэлгүй хэлмэгдэн цочиж тэр газар ойчоод тарчилж байгаа тахийг харваас дахин шавар тахь болж тахийн арьсаар нөмөргөөстэй урьд хэвээр байнам. Гагцхүү, омруу тушаа нь Залуудайн бас нэг сум шигдээд, Гекүүгийн сум гуяыг нь хуга цохиод дэргэд нь газар хэвтэж байв. Гекүү тэр тахийн азарганд цавчууллаа гэж сандран, хоёр гараараа толгойгоо хамгаалан, нүдээ аниад зогсож байхыг бүгд эмээн харж Арслан манаачийн зүг харваас аажуухан зогсож, баруун гартаа гурмасан сухай ташуур минаа бариад, зүүн гартаа бамбар барин, Гекүүг минаа барьсан гараар дохимогц,
- Ёох! гэж дуу алдаад толгойгоо гараараа илэн хага цавчуулав уу үгүй юу? гэсэн юм шиг барьж үзээд годольд савуулж говгор болон хавдсан гуяа ярвайн барьж царай нь харчин болоод, доошоо бөхийж, хугархай годлио аваад Залуудайн гараас шүүрэн,
- Явъя, явъя! Айдас минь хүрч байна. Гадаа наранд гаръя гээд дагжин чичрэв. Эртний Грек үгээр хипноз буюу нойр зүүд, эртний монгол үгээр ховс буюу ховусун хэмээх хогоосон, хоосон гэж мэргэн нэр өгсөн нэгэн зүйлийн хүний сэтгэлийн чадлыг тэр эрт балрын жирийн хүн учрыг нь олж мэддэггүй байсан тул, Арслан минаачийг дагаж Будан эвийн агуйд орсон дөрвөн аянчин их л сүрдэж нэгэн хэсэг үг дуугүй зогсон, тэр их айж цочсоноо харахад, айван тайван зогсож тэднийг мишээн харж байгаа Арслан минаач явъя гэж дахин агуйгаас гарах нүхэн зүг удирдан одов. Чингээд тэр их хөндий агуйгаас нарийн нүхээр нь доошоо бууж, агуйн амсрын том хөндийд хүрч ирвээс харанхуй газраас гэрэл гэгээ тусдаг газар гарч ирэхэд сайхан ч юм шиг, эртний хүмүүсийн босгосон чулуун овоо, ханын зураг нь сүртэй сонин ч юм шиг. Бас Бух өвгөний хурц улаан өнгөт зосоор шинэтгэсэн зураг нь сүр үзэмж үлэмжхэн орсон юм шиг сонин жигтэй харагдав.
- Биднээс өмнөх олон үеийн хүний зурсан юм энд хэвээрээ л байгаа гэж Булагад Арслан минаач хэлээд Ихэрэс Бух өвгөнийг
- Та энэ нум годоль хэрэглэх сонин аргаа манай Булагад хүнд сургаж, амаа тосдож, ахас өвгөсийнхөө гэдэс цатгалан суулгахад нь тус болж үзээ. Урд хол газарт энэ нум хэн бий болгосныг та эс мэдэрч амандаа идэх юм нийлүүлж, амиа хаацайлахдаа нумын ачаар чадал нэмэгдсэн шиг, таны сурч ирсний ачаар манай энэ газрын хүн омогтон танаас амь зуухдаа тустай юм олж явбал сайхан шүү гэхэд нь,
- Тэр зөв өө, ах дүү омогтон тэгэлгүй яахав гэж Бух өвгөн хариуллаа. Залуудай ахас хүний тэдгээр үгс сонсож байгаад, Бух өвгөний Баргужин гоо охины төв харцтай торомгор хар нүд нь, хүрэн бор цэвэр царай нь гэнэт харагдах шиг болж, Булагадын энэ агуйд ойр залгаа Баргужин гоогийнхоо нутагт дахин би нэг ирэх болоосой гэж бодоод барын соёогоор хийсэн дун цагаан зэвээ агуйн амсрын чулуу босгосон овоонд тавиад,
Урьдын хүний юм нь
Хожмынхоо хүнд дурсгал болов!
Учрахыг хүссэн хүсэл
Хожим санасан ёсоор бүтэг!
гээд Арслан минаачийн сэцэн бөгөөд хүний дотор юу болж байгааг хараад мэдчихмээр гэж бодогдон сүрхий нүд өөд нь хараад, баахан ичингүйрэн зовсхийтэл тэр хүн нээрээ ч санааг нь мэдсэн юм шиг мишээсхийгээд
Уужим дотортой хүнд
Уулын өндөр саадгүй
Усны урт хорьгүй
Учран баярлах цаг бий
гээд мөрийг нь алгадахад чин зоригт талбиу доторт тэр болоод хүний самбаатай уужим сэтгэлийн нэг хэсэг нь шингэсэн шиг, нарт сайхан байгаль ертөнц улам гэрэлтэй сайхан болсон мэт харагдаж, давхар давхар сүндэрлэсэн уулс, хөхрөн харагдах мод ч улам үзэмжтэй мэт санагдав.
|