#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.24.17 6:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Sep.17.16 7:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Би ч зүгээр нэг уншигчгүй л юм хийгээд суугаад байна аа даа...


Top
   
PostPosted: Sep.17.16 8:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 835
уншаад л байна шд


Top
   
PostPosted: Sep.18.16 8:56 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин гуравдугаар бөлөг

ТАЛЫН ТҮЙМЭР

- Түймэр гарсан бололтой гэж Шонхолой салхи үнэрлэн, униар татсан зүг зовнисхийн харж, газрын байдлыг үзвэл, салаар явахдаа тулалдаж гарсан газар айсаж байв нам. Бидэнтэй байлдсан аймгийнхан гал алдаж харлав уу даа? гээд мөрөн өөд алсыг ширтвээс хээрийн ан амьтан урьдынхаас арай олон үзэгдэж, цөм зүг уруудах бөгөөд огторгуйд шувуу бас олон болж, дуу чимээ нь ерийн цагаас ондоо ажээ.
- Одоо тэгдээ яахав? Яваад л байх уу? гэж Залуудайн асуухад нөхөдтэйгөө зөвлөлдөе гээд завиа эргийн зүг залан, хойноос нь дагаж яваа Үхүү Гекүү хоёрыг завиар эрэгт дөхүүл гэж дохиод эргээр өгсөж яваа ойн эмсийн эгчмэдийг дуудаж, яавал дээр вэ? гэж бүгдээрээ зөвлөлдөөд, газраа хороож, түймэр ойртоод ирэхийн үес ямар нэг аятайхан газар олж буухаар тогтлоо.
Наран шингэх үес утаа униар бүр ч ихдэж, орчин тойрон бүрэнхий болж, нар нэг хүрэн улаан төгрөг шиг юм үзэгдэх боллоо. Эртхэн шиг буух газар хайж харсаар, түймэрт хөөгдсөн ан амьтан дайран сандраахгүй нэг эвтэйхэн газар олоод, явган ойн эмэгтэйчүүдийг залиараа усны нөгөө талд гаргаж мөрөнд тал тулан ирэхэд хүрвэл аюулгүй болгож бүгдээрээ эртхэн хоног буудлаа засаж, түймэр өнгөрөхийг хүлээлээ.
Үхүү Гекүү хоёр завиараа мөрний нөгөө талд гарч гөрөөлөөр одоод, асар удалгүй нэжээд тарган ооно харван унагаж буцаж ирэхдээ, зээр маш олон, түймэрт сочин хэлмэгдээд, нум суман харвуулж үзээгүй тул, сум тусам газар ойртоход ер хүнээс айхгүй байна гэж ирэв. Зээрээ өвчин эвдэж, хоол хийж идсээр байтал нар ч шингэж, харанхуй болоход түймрийн гал сүрхий тод харагдаж, тун сүртэй. Мөрний тэртээ олон гөрөөс ан амьтан бий болж, түрүүч нь тургиж барьж, ус гатлан гарч байгаа чимээ үргэлж гарах боллоо. Чингэвч гал түймрээс нэгэнт зайлж байгаа амьтан, анчны галыг хараад, огт ойртон хавьтахгүй өнгөрцгөөж байлаа.
Шөнө дундын хирээс түймэр улам ойртож, хүй хүй халуун салхи салхилах болж, алсаас хөөгдөн зайлж яваа амьтны хөл чиг их боллоо. Үүр цайхад бүр ч дөхөж, талын их түймрийн хуйларсан галын байдал чимээ тун сүртэй болоод, хөнгөн хөлт хурдан ан амьтан хэдийн мөрөн гаталж шөнөдөө өнгөрсөн аваас том биет нүсэр амьтан арга буюу явсаар түймэрт гүйцэгдэх шахан хөөгдөж, хулан тахь сүрэг сүргээр алсаас дахин ирж, унгалдах дуу чимээ нүсэр том том арслан заан сүртэй их дуугаар урамдан дуугарч, тэмээн гөрөөс буйлан, мөрний усанд шахалдан орж, цовхчин хөвж яваа амьтан мөрнөөр дүүрч, түймэр аймаар хурдан, энд тэнд бөөн гал харваж, галт хуй салхи хуйлран нэн ч бэрх болсонд ойн эмс машид айн эмээж, дуу шуу болсонд Шонхолой тайтгаруулан тогтоож, маш айван тайван байдалтай байх тул, сандарсан эмс түүний самбаатай уужим байдлыг хараад бас зүрхээ дарж, шуугилдан сандчих нь гайгүй болж, хадын тавцан дээрээс дор нь мөрний хоёр захаар бужигнаж байгаа амьтныг харцгаан сууж байтал, түймэр ч бүр ойрхон хүрч, халуун амьсгал нь тэсэхэд бэрх боллоо.
Чингэж байтал, Залуудай дорогш гараар заан, нэг юм хэлсэн нь шуугианд дуулдсангүй. Заасан зүг харваас нилээд хэдэн хүн усны эрэгт хүрч ирээд, усанд орохоос айн, эрэг дээр байхад түймэр нэн хэцүү тул, цаашаа наашаа хашгичин гүйлдэж байтлаа, арга буюу усанд орж толгой нь цухалзан харагдаж байтал сүүлчин ан гөрөөс дээрээс нь хамаагүй дайран орж, нэг эмэгтэйн ардаа үүрсэн жаал хүүхэд эхийн хүзүү тэвэрснээ алдаж, усанд хоёр нэг цухалзаад далд ороход, эх нь үрийнхээ хойноос тэвдэж, арваганасаар байгаад, нэг бух гөрөөсөнд дайруулан далд оров.
Түймрийн халуун илч амьсгал нэн хэцүү болсонд аянчин бүгдээр чулууны нөмөрт хоргодон, нэг хэсэг юу болж байгааг харахын аргагүй. Амьсгалахад ч хэцүү болж харанхуй утаа татаж их галын шуугих чимээ мөрний тэртээгээс дуулдан, наад талд нь олон амьтны дүрвэж давхих чимээ, усан дунд унгалдах урхирах, майлан буйлах, орилох хашгирах элдэв дуу шуугиантай холилдон нийлж, жигтэйхэн юм болов. Хад хагарч, ан цав гарсан чулууны завсарт хоргодон шургасан аянчин, түймрийн халуун хийд их мөрний захад байгаа чулуунд халхлагдан хэвтэж байгаа учир гайгүй боловч, хүй хүй утаа цохин амьсгалахад хэцүү.
Чингэсээр хичнээн удсаныг аянчин мэдсэнгүй, галын сүрт чимээ нь арай намдах шинжтэй болж, салхи мөрөн уруу тул, агаар ч баахан цэвэршиж нуугдсан газраас бултайн харваас, усны захад тулаад, мөрөн өргөн учраас нөгөө талд ашгүй гал туссангүй, уруудан өнгөрч мөрний баруун талын уулс усанд ойртон ирсэн газар ургац тачир, салхигүй тул, уулын энгэр тулбаас намжих шинжтэй үзэгдлээ.
Түймэр өнгөрсөн газар, мөрний захын бургасуудын салаа найлзуур нүцгэрэн нарийн үзүүр нь утаа уугиж, түймэрт хөөгдөн ус гаталсан олон тураг анд нарийн бүдүүн бургас улиас хуга нуга дайруулж, мөрний наад талын шугуй ч бас тас гишгүүлж, хөө чандруу болоод, мөрний тэртээх халиурам тал тас хар болж, энд тэнд хааяа түймэрт гүйцэд идүүлээгүй чийгтэй газар шар ногоон толботой харагдаж, утаа суунагласхийн их талд, усны ойр энд тэнд галд гүйцэгдэн бүтэж үхсэн амьтан хуйхлагдан харагдаж, их талын байдал нэг мөсөн өөр болсон нь сүртэй. Алсад салхинаа үнс чандруу харан, нүд алдам газар мөрний нэг тал нь сүртэй хар нөгөө тал нь шар ногоон харагдах ажээ.
Усны тэртээ эргийн захад хэдэн үнсэн тураг анд гишгүүлэн үхсэн хүний хүүр үзэгдэн, зарим нэг нь цээж нь усны захад бөгсөн бие нь усанд хэвтэж байгаа хүн ч үзэгдэн, ганц нэгэн хүүхэдтэй эмэгтэй бололтой хүн, уснаас арай чүү гэж гараад, нойтон голтой нэг юм, нялцайтал дэвтсэн саарин хувцас нь биед нь наалдан, маш цөхөрсөн байдалтай сууж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй тул, Шонхолой Үхүүг дагуулан, чулууны ард хураасан нэг үйсэн завиа авч усанд тавиад мөрний тэртээ сэлж гараад тэр хэдэн эмэгтэйн зүг одвол тэр хэдэн эмэгтэйчүүл, үл таних хоёр хүнийг хараад огт юм дуугарахгүй тэнхэл тамир нь тасарч, гайхах баярлах шинжгүй уруу царайлан суунам. Хэдэн багачуул, Шонхолой Үхүү хоёрын хараад нүүрээ далдлан, эхдээ наалдан, нэгэн эр хүн, чих сэтэрхий, сорви нь суманд харвуулсан байдалтай бөгөөд, машид алжаан цуцсан байдалтай боловч, Шонхолой Үхүү хоёрыг хараад, царайд нь тэсгэлгүй эмээсэн шинж тодорч, аман дотроо нэг юм өгүүлэн, хүзүү сунган амь гуйх мэт. Ажин үзвээс өнөөх салаар байлдан явахад чихийг нь сэт харвасан хүн мөн бололтой. Тамирдсан тул, дайсан этгээд хүрч ирлээ гэж үхэхийг хүлээн буй бололтой. Шонхолой өрөвдөн, эелдэг найрамдуу тайвнаар тэр хүнд,
- Тулах нэг цаг байдаг бол, туслах нэг цаг байдаг шүү дээ. Эр хүн, эр хүндээ хайртай. Чи надаас бүү ай гээд завиа зааж, мөрний тэртээ гаргая гэж заан дохиод, уух унд, идэх хоол өгнө гэж дохиход тэр хүн дохиог нь ухаарч, нүд нь сэргэн гялалзаад, Шонхолойд гараа сарвайн, хоёр гараараа гарыг илэн талархал илэрхийлээд, дэргэдэх эмэгтэйчүүдээ хэдэн үг хэлэхэд тэд нь бас нойроос сэрсэн адил хөдөлцгөөж, хөө шавар болсон царайд нь баярлан мишээх байдал тодров.
Чингээд Шонхолой тэр эрэгтэйг түшин босгож, нэгэн эмэгтэйн хамт завьдаа суулган Үхүүгээр мөрний тэртээ гаргуулаад, ойн эмсийг гал түлж, өчигдрийн гөрөөсний махнаас үлдсэнийг хоол хийж, түймрийн аюулд эрсэдсэн эднийг хооллуулан, өл залгуул гэж Үхүүгээр захиулаад, бас нэг завиа гаргаж, эднийг Гекүүтэй элбэж, усны цаад талд гаргая гэж явуулав.
Тэр эрэгтэй эмэгтэй хоёрыг усны цаад талд гаргаад үлдсэн хэдэн эмэгтэйг амьд гарсан хүүхэд шуухадтай нь хоёр завиар гаргахад, ойн эмс тосон угтаж, шарж борлуулсан шүүрхийхэн махнаас өгч идүүлэв. Аюулд нэрвэгдэгсэд, санамсаргүй туслан тэнхрүүлэх хүнтэй уулзаж, өл залгууллаа, дотор онгойж сэргээд мөрний тэртээхийг зааж юм хэлэх боловч, нэвтрэлцэхгүй ганц нэгэн үг нь хааяа мэдэгдэх тул хүүхэд шуухадтай олонхи нь усны цаана түймрээс зайлан гарч чадалгүй үхсэн гэж хэлж байгаа бололтой.
Тэр сэтэрхий чихт хүн, нэгэн эмэгтэй хүүхэд хоёрыг заан, өөрийн гэргий хүүхэд хэмээн дохином бөгөөд, хуруу заан мөрний тэртээх харлан буй түймрийн цурмыг заах нь хэдэн хүнээ галын аюулд алдсан хэмээж буй бололтой.
Нүднээс нулимс дусаан аман дотроо юм өгүүлэх нь тун уяралтай бөгөөд Шонхолойн гарыг байн байн илнэ. Төрөл саднаа алдсан түүнийг хөөрхийлөн, санааг нь засах үг хэлсүү гэхэд үг нэвтрэлцэхгүй тул, арга буюу хариу гарыг нь илэн толгой дохиж, өрөвдөх сэтгэлээ илэхийллээ.
Мөрний тэртээ түймэрт цуцан гүйцэгдээд үхсэн тураг ан энд тэндгүй хэвтэх тул, Залуудай, Үхүү, Гекүү гурвыг завиар явуулж, тэр түлэгдэж үхсэн ангийн махнаас авчруулахаад одуулаад, гал өрдөж мах шаруулж бүгдээрээ хооллов.
Тэр чих сэтэрхий хүн, гал заан, чулуугаар галын цог авч явах сав хийнэ гэж дохисонд Шонхолой цахиур гаргаж гал хавиран гаргахыг үзүүлсэнд маш гайхаж, ёстой гал шиг юм бол уу, үгүй юм бол уу гэж Шонхолой цахиж үлдээсэн галд өөрөө мөчир зомгол, өвс хийж үзээд, эмэгтэйчүүддээ юм хэлж, тэр цахиур цахисан галыг заасанд Шонхолой цахиураар хэрхэн цахиж гал асаахыг заан үзүүлэв. Чингээд саарын хэтэвчнээсээ бас хоёр цахиур гаргаж, урьд базааж бэлдсэн уулнаасаа нэгэн атга өгөөд, уул хийх аргыг заан үзүүлж таниулав. Ямар юмаар уул хийдгийг харуулахад, тэр сэтэрхий чихт хүн ухаарч, нэн баярлан толгой дохиж, өөрөө цахиурыг нь авч хавирсаар, оч уулд нь тусч утаа уугихад хашгиран баярлаж Шонхолойд нэг олон юм хэлэв. Эмэгтэйчүүд нь тэр хүний дахин дахин цахиур цахиж, уул уугиулан, хялгана цагаалж өвсөнд гал асаахыг их л бишрэн харж, Шонхолойд үг хэлэн дохином бөгөөд хүүхдээ Шонхлойгоор үнсүүлэх хүсэлтэйгээ дохин илтгэхэд, бэлэгшээж байгаа юм байна гэж тэр хэдэн хүүхдийн халтар халтар хацрыг нь үнсэн таалж толгойг нь иллээ.
Чихэндээ сэтэрхийтэй өнөөх хүн, хүзүүнээсээ баавгайн соёо хэлхсэн сондор чимгээ Шонхолойд өгч, юм хэлж дохисон нь мөрөн өөд түүний аймгийн хүн уулзваас сондор чимгийг үзүүлэхэд саадгүй нэвтрүүлэн тусална гэсэн дохиог нь ухаарч хариу талархан, хүзүүндээ зүүлээ. Тэр чих сэтэрхий хүн түймрийн аюулд хэдий эрстсэн боловч, бүдүүн хийцтэй чулуун сүхээ амин лугаа сацуулан гараасаа сураар оосорлож авч явснаа заан, баавгайн соёот сондрыг заан, дахин дахин дохиж, тэр сондор үзсэн хүн сүх бороохойтой үл довтлохыг илэрхийлж, Шонхолойн гарыг илэв.
Чингээд Шонхолой нөхөд сэлт, завиар явах нь завиндаа юмаа ачиж, эргээр явах ойн эмс эргээр явах гэж алсын зам чиглэхэд, тэр түймэрт эрстсэн хүмүүс маш найрсагаар үдэн гаргаж, өөрсдөө их талын зүг гар дохин одов.


Top
   
PostPosted: Sep.23.16 12:03 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин дөрөвдүгээр бөлөг

АГУЙН БААВГАЙТАЙ ТУЛАЛДСАН НЬ

Шонхолой нар хэдэн хоног явж, сая түймэрт идэгдсэн газраас холдов. Их мөрний нэг тал нь шарлан халиурч байгаа өвс ногоотой, нөгөө тал нь түймрийн хар цурам байсаар ан амьтан нь түймэрт идэгдсэн газар огт үзэгдэхгүй гагцхүү тас, бүргэд, ёл, элээ зэргийн махчин шувуу хуйхлагдан үхсэн тураг ангийн сэг дээр хуримлах ажээ. Мөрний нөгөө талд харин ч ан амьтан олширсон байдалтай.
Завь сэлэх хатгахад заримдаа хоёр Хумка Шонхлой туслалцан заримдаа ойн эмсээс завинд сууцгаан, дөрвөн анчин эргийн дагуу явгалан гөрөөлсөөр өдрийн хоол бор хоногийн идэх юм бэлдэж явдаг байлаа.
Ойн эмс бас зам дагуу идшинд хэрэглэн нэмэрлэх төмс ногоо, мойл, долоогоно, нэрс үрэл зэргийг үйсэн саваар түүж, идэх юмаар хамтын хүчээр дутмаггүй явжээ.
Эмэгтэйчүүд ба ангийн арьсаар чархи бойв хийж, ясан шөвөг зүүгээр ханзарсан харагсан юмыг оёх шидэхдээ чадамгай тул дөрвөн анчинд бас их тус нэмэртэй бөгөөд оройн хоногт хоолоо идээд, гал тойрон сууцгааж байх үес Шонхолой Залуудайдаа бид эдэнд туслаагүй бол эд зүдэрч аягүйдвэл амь зууж чадахгүйд хүрэх байж, эд биднийг түшин амьдарч явахад бид дөрөв ч бас замын бэрхэд хүч бүлтэй болж, дөрвүүлээ чадахгүй юмыг бүгдээрээ нийлж хирийн юмыг дөнгөх болж байна шүү. Цувж явсан бараас цуглаж явдаг шаазгай дээр гэдэг нь энэ дээ гэж хүүдээ нөхрийн тусыг бүтээж явахыг үргэлж сануулан хэлж, нэг хүний давахгүй юмыг бүгдээрээ санаа хүч нийлбэл давдаг юм гэж ярьдаг байжээ.
Ойн эмсийн дотор Бияа гэдэг нэгэн охин, царай зүс нь бусдаасаа нилээд цэвэр бөгөөд Гекүүгийн сэтгэл зүрхний хүн байжээ. Завиар явахдаа мөн орой хоног буудалд оролдсоор Гекүү түрүүн алсан барын соёо саврыг нүхлэж, шөрмөсөөр хэлхээд сондор чимэг хийснээ нэгэн орой гүйцээж Бияад бэлэглэн өгөх санаатай, ойн эмсийн эгчмэдээс зөвшөөрөл гуйхад нь сондор бэлэглэнэ гэдэг даруй төрөл барилдана гэсэн үг. Шонхолой ахын отог нутагт мэнд хүрсэн цагт эр эм болохыг зөвшөөрсүү. Наана нь сүй тавьсан бэлэг болгож өгвөл өг л дөө, Бияа тогтоодог юм бол чиний хэрэг бүтнэ. Эс тогтоовол би хашин баалж чадахгүй шүү гэсэнд Гекүү баярлан,
Эгчийн үгийг сонсов уу? Би чамд үүнийг бэлэглэнэ гэхэд охин ичгүүрсхийвч, үг дуугарсангүй, бэлгийг хүлээн тогтоожээ.
- Гекүү баярласандаа хэд хоног дархалсан нэг хавчаахай нум, хэдэн хэдэн сумын хамт завинаасаа гаргаж,
- Бидний эр хүйстний ах зах нь Шонхолой ах аваас эмсийн ах их зах нь эгчмэд мөний тул, чадлаа гаргаж хийсэн энэ нум сумаа барьж Мэргэн харваач болтугай! гэхэд нь ойн эмсийн эгчмэд нь дуртайяа тэр зэр зэвсгийг хүлээн авч, угаас нилээд чийрэг бөгөөд бяраар яасан ч Гекүүгээс дутуугүй чийргийн дээр Шонхолой нарын харвахыг сонирхон ажиж явсан тул, барилыг тун амархан сурч, эхлээд, хур, сойр, ятуу зэргийн шувуу, чингээд туулай чандага, удалгүй бор гөрөөс, зээр агнах боллоо. Чингээд гараа шидэх чулуу, богино жадтай зүйрлэвэл дагуулахгүй хол тусгалтай сайхан зэмсэг юм байна гэж нумаар сум гэдэг жижиг жад чавхдан харван сүрхий амьтан гэж, агнах бүр ангийнхаа цусаар мялаадаг болсныг нь Залуудай нэгэн өдөр юунд чингэж байгаагийн учрыг асууваас ойн эмсийн эгчмэд,
- Дээжийг нь амсуулж байхгүй бол гомдож магадгүй. Хичнээн хүч гаргаж, энэ хөнгөн жижиг жад чавхдан гөрөө хийж, олз олоод байхад эс амсуулбал, гомдоод онохоо байж магадгүй гэв.


Top
   
PostPosted: Sep.24.16 10:34 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Эгчмэдийн хамт таван харваач хүн болж, ан гөрөө хийхэд улам ч олзтой болж, идэх хоолоор тасалдахгүй элбэг дээрээ элбэг боловч, хэрэглэх хэрэгцээнээс илүү агнадаггүй ёсоо алдалгүй баримтлан явжээ. Ялангуяа Шонхолой тэр ёсыг маш чанд баримтлуулан идэж барахгүй бол, амьтны амь тасалсны хэрэггүй. Хурдан зэвсэгтэй боллоо гээд зоргоор хядаж болохгүй. Хорхой ч гэсэн аминдаа хайртай байхад, халуун амьтай, бүлээн цустай амьтныг хэлээд яахав гэдэг байжээ.
Чингээд, нэгэн өдөр үдлэн буугаад, хоолоо хийж байтал боролж шугуй дотроос жад бороохой, чулуун сүх барьсан арваад хүн гарч ирээд, аянчныг үзмэгц бөөгнөрөлдөж юм зөвлөцгөөх мэт болоод, нэг хүн урагш давшин, буудлын зүг айсуй.
Ойртосхийгээд жадаа доош талбин, гараа өргөж элэгсэг найртай байдал үзүүлсээр дөхөхөд нь Шонхолой Үхүү хоёр бас зэмсэггүй өөдөөс нь очиж, хоёр талаас уулзаад үг хэлэлцэхэд Хумка Үхүүгийн үгийг нэвтрэх хүн байв. Тэр хүн аянчнаас хаанаас хаашаа зорьж байгаа хэн гэдгийг асуугаад, өөрсдийг ойн хүн гэдэг. Өвөл энэ хавиар агуйд өвөлждөг, зан намар ан дагаж мэхээр, ямаахай ойн жимстэй газар хэрэн бэдэрч явдаг. Өвөлждөг агуй маань тэр. Саяхан агуйгаа эргэж үзтэл, баавгай эзэлсэн тул хүч түрэн эзэлсэн баавгайтай байлдах гэж явна гэж нөхдөө заалаа. Эрэгчин эмэгчин хоёр баавгай, хоёр бамбарууштай, манай өвөлжөөний агуйг саявтар эзэлжээ. Бид, баахан хүч бүл цөөн боловч, агуйгаа алдах дургүй, үзэлцэх гэж явна. Бидэнд хүчин нэмэлцэж өгнө үү гэхэд нь Шонхолой гал дээрээ урин аваачив. Тэр баавгайтай байлдах гэж яваа хүн, нөхдөө даллан дуудаж, мөрөөрөө эргэж буцан газар тавьсан жадаа аваад, Шонхолойн хойноос даган ирэв.
Оройн хоолонд хэрэглэнэ гэж Шонхолой нар замдаа өглөөнөөс агнаж, модны захаас таван харваач нийлж хоёр гөрөөс агнаж, завьдаа нэг хэсэг махыг нь ачиж нэг хэсгийг нь ойн эмс үүрэн явснаа хоол хийж байхад баавгайтай тулах ойн хүний тэр бөлөг дайчин хүрч ирсэнд арга буюу орой идэх гэсэн махнаасаа шаралцаж, бүгдээрээ идлээ.
Хоол идээд, ойн хүний тэргүүн нь Шонхолойг энэ хэсэг улсын ахмад нь юм байна гэж хүч нэмэрлэхийг дахин гуйсанд, Шонхолой, хамт яваа ойн эмсийн эгчмэдээс яахав бид? гэж асууваас,
- Баавгайн хүч их, эдний хүч нимгэн. Туслалцах нь хоёр хөлтний ёс биз дээ. Туслан хамжиж үзье гэхэд нь, манай олонх нь туслахыг зөвшөөж байгаа учраас эрэгтэй бид ч үгүй гэхгүй. Танай эмэгтэйчүүд яасан бэ? гэж асууваас ойн хүний эмэгтэйчүүд нь өвөлжөөн дээрээ бууж ирдэг. Тэр хүртэл тус тусдаа, эрчүүл нь эрчүүлтэйгээ, эмс нь эмстэйгээ урин дулааны цагт анги явдаг заншилтай юм даа гэлээ.
Баавгайг хамтын хүчээр агуйгаас зайлуулах гэж тогтоод, бүгдээрээ зэр зэмсгээ барьцгаан, тэр агуйн зүг чиглэж асар холгүй тул, ойр нь хүрч очоод, замдаа хэлэлцсэн ёсоор олонх агуйн амсрын дээд талд нь гарч, доош нь унагах чулуу бэлдэж, бас хоёр гараар дааж, доош нь хаяж болох чулуу зэхэцгээж, хүн хүн зогсох газраа хэд хэдэн том чулуу овоолоод, өнхрүүлэх том чулуу түлхэн унагах нь, чигийг нь тэр агуйн амсраас баавгай гарч ирэхэд дээрээс нь ойчих багцааг тааруулан барагцаж, тэр самбаанд хоёр хүн агуйн амсарт заншлаар орох болов. /Заншлах гэж сэм мэдээ сурвалжлан тагнах гэсэн үг/ Шонхолой, хүнээ дагуулж яваагийн хувьд тэр заншлах хүний нэг нь болсуу гэж ойн хүний тэргүүнтэй хоёулаа агуйд баавгайг заншлаар одох болж доошоо буугаад, агуйн амсарт ойртон, дотроос нь чимээгүй тул, аяархан дотогшилж үзвээс, амсрын орчим том хөндийд хориод хүн багтам зайтай. Голд нь гал түлж байсан үнстэй, тойроод чулуугаар хашсан өртэй бөгөөд цаашаа хошоод салаа болон нарийссан харанхуй хонгил үзэгдэв.
- Голомтын өрийг хашсан чулууг хөдөлгөж, үнсийг онгичсон бөгөөд, том гэгч амьтны мөр ул, үнс шороон дээр үзэгдэн, зүүн талын хонгилоос араатан том амьтны үнэр гарч, эзэнтэй агуй гэж мэдэгдэв.
- Манай хоёр анчин энэ хоёр агуйн амсар сахин модонд хоноод, баавгайг байна гэж мэдээ хүргэсэн юм. Одоо ч байх шиг байна гэж ойн хүний тэргүүн хойноос нь хүрч ирсэн Үхүүд шивнэн хэлж, гурвуул шинэ мөрийг ажваас орсон гурван мөр, гарсан нэг том мөр байв.
Төдийн агуйн амсраас сэмхэн холдон гарч, нөхөд дээрээ очоод хэрхэхийг зөвлөн хэлэлцэж, нэгийг нь эзгүй хооронд бусдыг нь өдөөн гаргаж үзэхээр тогтоод, агуйн амсар боох гээд ичээнд ороогүй баавгай юу хийж хүлээж хэвтэх аж. Нэг шаламгай анчнаа амсрын зүг явуулж, баавгайг өдөөн гаргахаар боллоо.
Нэг завшаантай зүйл нь агуйн амсрын хоёр талаар дээрээс унасан хадны хэмтэрхий том чулуу босоо хүнээс өндөр бөгөөд, агуйн амсрын өмнө хүзүүвч хашлага шиг тогтсон тул, тэр хоёр хоёр том чулуун дээр бас хэд хэдэн том жадтай анчин, баавгай цохих том том чулуу өргөн дамжилж, сураар татан гаргаад, тулалдахад зэхмэгц, нэг чийрэг залуу анчин, агуйн амсарт очиж, хараан зүхэж, агуйн зүг:
- Хүний өвөлжөө эзэлсэн ёсон бус муу хар гөрөөс гарч ир. Голыг чинь тасалж, зүрхийг чинь сугална. Гараад ир гээд чулуудав. Агуй дотроос чимээ гарахгүй тул, бас хараан зүхэж, хүний өвөлждөг агуйг хулгайлан эзлээд эзнээс нь айж байна уу? Бушуу гарч ирж амиа тушаа гэж хараан зүхэж, хашгиран чулуудтал агуй дотроос баавгайн дуу гарч, хир баргийн амьтан халдахгүй их чадалтайгаа мэдсэн нэг том гэгчийн эм баавгай, гэрэлд гялбасхийсэн байдалтай яаралгүй гарч ирээд агуйн амсар, тэрний дэргэдэх ургаа том чулуу хоёрын хооронд хүн багтахаас, агуйн том баавгай багтахгүй завсарт зайлан орсон өнөөх өдөөгч, анчин хойноос аажуухан алхаж, явангаа амаа ангалзан, гялалзсан соёо шүдээ ярзайлгаж шиншилтэл, тэр анчин ам руу нь жадаа тэнхээ мэдэн шааж орхив. Баавгай хойт хоёр хөл дээрээ урхиран бостол, дээрээс нь жадлах нь жад чулуудан жадалж, том том чулуу буулган чулуудахад, урагшаа ухасхийтэл, хэдэн анчин, нэг том чулуу түлхэн унагасан нь яг тэр баавгайн зоон дээр лүс хийтэл тусаад, хэдий маш их бяр тэнхээтэй, сүртэй амьтан боловч, үхрийн дайтай том чулуу ар зоо дээр нь цохьсон тул, нэг муухай дуугараад, хойд хоёр хөл нь мэдээгүй болж бөгсөө чирэн, цусаар бөөлжин урхираад, дэмий л дэргэдээ ойчих чулуу алгадав.
- Тэр завсар агуй дотроос хоёр арай бага баавгай гарч ирээд, нэг нь толгой дээрээ том чулуугаар цохиулж, толгойгоо сэгсрэн эргэлдтэл, нөгөө нь агуйн амсрын хажууд буй өндөр чулуун дахь анчин авиран асаж, савраараа чулуу харжигнатал маажлан, үсрэн дайрсан хүчиндээ цээжин бие нь чулуун дээр гараад иртэл, чулуун сүхээр толгой дээр нь нэг хүдэр анчин буулгаж, хоёр талаас нь жадаар чичин хатгаж, агуйн амсар дээр болон хоёр талын том чулуун дээр байсан анчин цөм өндөр дуугаар бие биеэ зоригжуулан хашгиралдаж, хадтай хөндийд цуурайттал бархиралдав. Баавгай урхиран савардангуут нэг анчны гуя хага татан унагасанд, Гекүү шүүрэн тогтоож, доош унагасангүй барьж авав. Тэр самбаанд ойн анчны нэг нь том бороохойгоор шуугитал буулган, баавгайн торгон хоншоор дээр цус цацартал няц цохиж, баавгайг доош нь унагав. Чингээд дээрээс нь том том чулуугаар агуйн амсарт байгаа баавгайг цохилж хашгиралдаж байтал, ойн анчны ахмад нь,
- Том мазаалай ирлээ гэж маш өндөр дуугаа шуугианыг даран хашгирсанд цөм заасан зүг тийш харваас, модны захаас том гэгчийн баавгай маш хурдлан айсаж байгаа нь тийм том амьтан гэхэд тун ч хөнгөн шаламгай, үсрэн давхиж, дайран орох гэж яваа нь үнэхээр сүртэй.
Сум тусах газар ойртоод ирэхэд Шонхолой нар тавуул харваж эхэлвээс, алдалгүй сум шигдэн орж байгаа нь харагдавч, үхэх шарх олгож чадахгүй, сайн моринд ташуур өгсөн адил, баавгайн довтлоход улам ч эрч оруулсан адил, шуугин орж иртэл нь нэг сум яг нүдэнд шааж, баавгай зог тусаад, хөлөөрөө нүдээ арчин сумыг хуга татаад, урхиран дайрав.
Ойн анчин тал талаас нь жад шидэж, зарим нь баавгайн биед шаавч, ширүүхэн давхиж яваа баавгайн ухас ухас хийхэд шархнаас нь сугаран ойчиж, харуигүй анчин дээр тулан дөхөж ирэхэд нь бороохойтой нь бороохойгоороо цохиж, жадтай нь жадаараа жадлан, жадны иш хугарах чимээ гарч,
- Нүдгүй талаас нь дайр! Нүдгүй талаас нь дайр! гэж ойн анчны тэргүүн хашгирч, улаан суга руу нь жадалтал, жадны иш нь баавгайн ширүүн эргэхэд хугарч, анчны тэргүүн баавгайн хөл дор ойчоод өглөө. Олон анчны тал талаас баавгайн зүг хашгиран дайран орсонд тэр том мазаалай хойт хоёр хөл дээрээ босон, олон шархнаасаа цус цувруулж зүг зүгээс чичих жадыг ширвэн алгадаж, урагш урхиран алхтал, нэг залуу анчин элгийг нь жадалж, Шонхолой сүхээрээ ар зоонд нь тэнхээ мэдэн цавчтал мазаалай жадны нөгөө үзүүрийг газар тулсан тэр залуу анчныг ширэлдсэн үснээс нь савардаад, жадыг тас хийтэл хугалан ойчив. Залуудай хаш сүхээрээ мазаалайн хоёр нүдний хооронд яс шархиртал цавчиж, олон анчин тийчлэн самардаж байгаа мазаалайг хашгиран жадалж, дайснаа дараад, агуйн амсарт буй гурван баавгайн зүг дайран шуугив.
Аварга мазаалайн хүүрийн дэргэд элгийг нь жадлаад ойчсон залуу өндийн сууж, анчны тэргүүний зэрэг хоёр гурван баахан бэртэсхийсэн хүн хоцроод, Шонхолойг дагасан ойн эмэгтэйгээс хэд нь тэднийг сувилахаар үлдээд бусад нь цөм шархтан муудсан нөгөө гурван баавгайг дарахаар одов.
Удалгүй олон анчин тэр гурвыг алаад, бөөн баяр хөөр болж, алсан баавгайнхаа арьсыг өвчөөд, толгойг нь огтолж, бэртсэн шархтсан хүнээ сувилан, балар эртний баавгайн сүнсийг хорлон өшиж магадгүй гэж бодох тул эвлэрэх найр хийхийг зэхэв. Чулуугаар агуйн амсарт ширээ засан дэс дэсээр нь баавгайн огтолсон толгойг тэр ширээн дээрээ тавиад шархны цусы нь угааж арчаад, аманд нь цэцэг жимс хийгээд, махнаас нь шарж, бүгдээрээ найрласаар тойрон суугаад, анчны тэргүүн нь баавгайн арьсан дээр урд нь суугаад нэг хижээл анчин загасны мах өөр барин дуудруун:
Хонгил агуй хоногтой
Хол ойрын их гүйдэлтэй
Гал хэрэглэхгүй дахтай
Ганцаараа явах чадалтай
Сүх хэрэглэхгүй бяртай
Сүх их тэнхээ тамиртай
Жад хэрэглэхгүй савартай
Жаварт даарахгүй үстэй
Өтгөс их мазаалай сонс!
Өшөө өвөрлөөгүй байтал
Өвөлжөөний маань агуйг
Булай их хүчиндээ эрдэж
Булааж авсанд чинь бид
Эзэгнэж байсан агуйгаа
Эргүүлэн авах гэж туллаа!
Эр чадлаа үзсэн тулаанд
Эргэж хонзогнох ёсгүй шүү!
Эртнээс манай байсан агуйгаа
Эргүүлж авсан бид нэр бүгд
Идээнийхээ сайхнаар чамайг
Ид чадалтайг нь бахдаж,
Эндүүрэн нэгэн цагт халдсаныг
Эргэж муу санахгүй зочилном!
Тунгалаг мөрнөөс барьсан
Тулын мах өөхөөр бялнам!
гээд тулын мах тосоор баавгайн амыг нь чимх мялаагаад, өндөр дуугаар,
Хүнсний сайнаар зочилсон
Хүндий маань хүлээн тогтоо!
Ах дүү олондоо нийлж
Агуйд маань битгий халд!
Өтгөс хүн ёс сахидаг шүү
Өвөлжөөнд маань битгий халд
Буруугаа мэдвэл дахьдаггүй шүү
Буцаж манай агуйд бүү халд!
Бусад олон өтгөстөө захиж
Буруу замаас татан зайлуул!
Халдан ахиж дайрдаг юм бол
Хамаг олноороо тулна шүү бид
Хүч сүрээрээ далайлган халдвал
Хүй олноороо тулна шүү бид!
гэхэд нь ойн анчин босон харайж, жад бороохойгоо барьцгаан, баавгайн толгой тавьсан чулуун ширээг гурвантаа зэвсгээ далайлган, ва-ва! хэмээн дайчин уриагаа хашгиралдан тойрч сүрдүүлэн бүжив.
Өнчин өрөөсөн гэж биднийг голбол
Өвгөн олон буурал сахиустай шүү
Нүцгэн ядуу гэж биднийг басвал
Нүд гялбам туяа галтай шүү!
гэхэд нь зэхэж бэлдсэн галдаа өөх тос хийж, хуурай шилмүүстэй түлээ хийсэн гал нь дүрэлзэн асаж, олон анчин баавгайн толгой гал хоёрыг тойрон ва, ва, ва! хэмээн хашгиралдан жад бороохойгоо далайцгаан бүжиж, өчиг дуудагчийн дохиход зогсоцгоож, анчны тэргүүн дахин дуудруун:
Тулаанд олсон шарханд чинь
Тулын өөх тосон түрхэн эдгээм
Шарх олсон дайчин эрсээ
Шарсан махаар чинь эмнэж
Агуйг маань эргүүлж өгөөд
Алаг махаар шагнасныг чинь
Амаараа гартал идэн цэнгэж
Атаа өшөөгүй боллоо бид!
Арвайсан гараараа барьсан
Амтат идээгий маань идээд
Өвөлжөөнд маань сахиул бол
Өвлийн бэрх хүйтэнд
Өөх тосоор бүү тасалдуул!
Хаврын тажир хатуу цагт
Халуун хоолоор бүү тасалдуул!
гээд, тулын махнаас баавгай тус бүрийн аманд зуулгаад, баавгайтай эвлэрэх ёслолоо гүйцээгээд, бүгдээрээ махнаас нь шарцгаан, гэдэс гартлаа идэцгээж, тулалдаад хүний амь үрэгдсэнгүй, бага сага цохиулсан, савардуулсан зүйлийг юмнаа тоохгүй хатуужилтай улс тул, тоо бүрэн толгой мэнд, уг агуйдаа дахин эзэн болсондоо бөөн баяр болж, хүч нэмэр болсон Шонхолой нарт баавгайн махнаас дааж ядтал нь үүрүүлж салах ёс хийлээ.
Завиндаа хүрч юм хумаа ачиж зэхээд, аялан хөдлөх гэж байтал ойн анчны тэргүүн нь хүрч ирэн, та нарын нисдэг жадын арга тураг, их анд тусгүй мэт санагдавч, шувуу гөрөөс агнахад таатай, хоёр хөлтийн дайрахад аминд тустай юм байна гэж бодон бодсоор ам нээн гуйх зүрх олдсонгүй. Та нарын явсан хойно санан санан бодож, нүүрээ зузаалж гуйх гэж ирлээ гэхэд нь Шонхолой нум яаж хийдгийг зааж, яаж харвадгийг үзүүлээд, байдлы нь мэдсэн тул, өөрсдөө санаачлан оролдож үз гэж тэр ойн анчны тэргүүнээр хэдэн сум тавиулаад, өөрөө харвалаа үзүүлсэнд тэр чийрэг эр тэсгэлгүй баярлаж, одоо манай гар урт боллоо гэж баярлан буцав.

Хорин тавдугаар бөлөг

АРСЛАН ЗААН АГНААЧИНТАЙ ДАЙРАЛДСАН НЬ


Top
   
PostPosted: Sep.26.16 10:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тэндээс нилээд хэд хоног их мөрнөө өгсөн аялж явсаар Шонхолой уулаас уран бөгөөд, газар их үзэж, ажиж сурсан юм их тул, загасаар элбэг их мөрөнд загасчлахад хэрэглэх сэрээ хийж, хамт дагалдан яваа ойн эмсийн олонх нь загас сэрээдэхдээ чадамгай учир, загасаар тасалдахгүй, таван харваачин нум сум үзээгүй, ан амьтан хоёр хөлтийг он тусам газар ажиггүй ойртуулдаг дээрээс загасны мах, ангийн мах ээлжлэн хэрэглэж, хирдээ жаргалтай, гэдэс цатгалан явж намрын оготор шар наранд, заримдаа мөрөн дагуу жимсчилж, айван тайван явахад, ойн эмс анхныхаас байдал нь шал өмнөө сэтгэл санаа амар, ирэх хоол элбэг түшиг өмөг сайтай болсондоо зүс царай амарлингуй тайван, сэтгэл дүүрэн болсондоо бие бялдар нь ч аятайхан болж ирлээ. Үгтэй яриатай, дуутай хөөртэй ч боллоо. Үхүү Гекүү хоёр ч тэдний аялгуунд чих нь дасаж, харилцан нэвтрэлцэхдээ сайн болж, ойн эмс сүрхий сэргэлэн авхаалжтай замын уртад маш тустай нөхөд боллоо.
Завиар аялахад явган явах хүмүүс арай гавшгай тул, Залуудай Үхүү, Гекүүгийн нэг нь хэдэн эмстэй түрүүлэн явж, замын дагуу байдлыг ажин явдаг журамтай болж, тэр завсар эргээр яваачин нь үдлэх хоноглох газар хэрэглэх хүнсний зүйл бас самбаачлан агнах журам аяндаа тогтжээ.
Чингэж явах үес Залуудай тэдгээр ойн эмсээс мөн Үхүү, Гекүү хоёроосоо хэрэгтэй юм их сурч, хоног буудал дээр эцэг нь бас туршил ажиглалаасаа ярин танилцуулж явдаг байлаа.
Нэгэн өдөр Залуудай Үхүү хоёр түрүүлэн явтал алсаас баахан шуугиан чимээ гарах мэт болсонд тэр зүг давшин сэм ажин харваас усны хавьд нэгэн бөлөг хүн бужигнан үймэлдэж, ямархан нэг том амьтныг цохилон дайрч байгаа шинжтэй олон хүний овооролдон бужигнаж байгаа газраас арслан зааны урхиран буйлах дуу дуулдаж байгааг сонсон ажиж арслан заан агнаачинтай яаран эргэж Шонхолойд мэдэгдлээ.
Ан хийж байгаа хүнд тусалдаг ёстой тул, тэдэн дээр очиж туслалцах нь зүйтэй болно гэж Шонхолой тэр анчин тушаа завиараа хүрмэгц завиасаа гарч, бүгдээрээ тэдгээр анчны зүг чиглэлээ. Заан агнаачин хүн нэмэн ирснийг үзээд, хэдэн урдаас угтан тосож найрсаг байдал үзүүлэн ойртоод, гартаа барьсан чулуун гилбэртэй жадаа газар талбин, найртай нөхөрсөг байлдаа үзүүлэн юм хэлэхэд Үхүү, Гекүү хоёр баярлалдан бид үгийг нь мэдэж байна гэж Шонхолойдоо хэлээд, тэдний зүг бас зэвсгээ талбин, найрсаг байдалтайгаар чиглэн одоод, харилцан танилцаж, үг солилцоод, Шонхолойг ойн эмсийн хамт хүрч ирэхэд арслан заан нүхэнд оруулж агнан буй хүн болохыг ярьж, могой алахад мод нэмэр, заан агнахад жад нэмэр гэж урьж байна гэж заан гөрөөчний үгийг уламжлан хэлсэнд бүгдээрээ тэр анчин дээр хүч туслахаар одлоо. Тэдгээр анчин арслан заан явах замд гүн нүх ухаж, дээрээс нь гишүү мөчир, өвс ногоогоор хучаад, нүх гэж үл мэдэгдэхүйц болгосонд намагтайшуу тэр газар огт тийм татам малтаж хийснийг халдах дайсан ховор учир хардан ажихгүй явсан нэгэн арслан заан хоёр хөлтийн мэхэнд унасан байжээ.
Олон анчин ус нэвчсэн нүхэн тамд унасан арслан зааныг том том чулуугаар цохиж, бороохой модоор балбаж, жадлах нэг нь чулуун гилбэртэй жад шидэн чичиж, бяр тэнхээ ихтэй, зузаан гэгчийн арьс ширтэй том гэгчийн тэр амьтан нүхэн тамд унан шигдсэн боловч, амиа тэмцэх тулах зориг төгөлдөр тул, сүрдүүлэн урхирч, ойртсон нэгийгурт хошуугаараа шүүрэх гэж нүдээ улаанаар эргүүлэн, хоёр үзүүр нь гадагшаа мушгирсан соёотой толгой нь нүхэн тамаас сүртэйеэ бумбалзан харагдаж аман тушаа нэг анчин хүний үхсэн амьд нь мэдэгдэхгүй хэвтэж байгаа нь Залуудайн нүдэнд юуны өмнө элгээрээ хэвтэж байгаа нь амьсгал тасраагүй мэт. Арслан заан, дэргэдээ амьтан хавьтуулахгүй, тамаасаа шавар үсэргэн урт хар хошуу нь хар могой шиг ийш тийшээ огдолзон, жад бороохой ойртвол шүүрэх гэж үе үе буйлан нурууны үс сөхүйн босож энд тэнд жад шигдсэн боловч маш их бяртай, тун ч бөх голтой амьтан тул өвчүү хэнхдэгээрээ дайран давшин зүтгэсээр бас л хоёр хөлөөрөө цавчсаар, тэр тамаас гарах санаатай зүтгэх ажээ.
Залуудай тэр хэвтэж байгаа хүний тушаа нь очоод, зааны суга татаж хаясан навсгар навч намаатай зулзган хус авч, зааны хошуу хүрэх газар ойртоод очмогц бургасыг нь шүүрэн булаалаа. Тэр самбаанд нь бөхөс хийгээд өнөөх газар хэвтэж байгаа хүний хөлөөс шүүрэн татаж, зааны хошуу хүрэхгүй газар агшин дотор зайлуулж авлаа. Дэргэд нь байсан хэдэн анчин баярлалдан хашгирч, тэр зааны соёо хошуунд эрстсэн хүнээ сувилсаар ухасхийсэн байдлыг үзвэл, жирийн анчин ахмад тэргүүлэгч нь бололтой.
Тэр завсар Шонхолойтой ирсэн ойн эмс, арслан зааны ар зоо руу жад чулуудах нь жад чулуу авчран чулуудаж байтал олон хүний жадлах шийдэмдэх, чулуудахад зааны тэнхээ тамир муудсаар, ядрах шинж тэмдгүүд, олон анчны шуугилдан дайрах нь улам ширүүн болж, нүхэн там доторх ус шавар нь олон шархнаас цуварч байгаа цусанд улаан өнгөтэй болж ирлээ. Зааны урхиран хөдлөх нь арай зөөлөн болж, тун ч амьсгаадаж байгаа тэмдэг орж хэнхдэг оволзон, шуухинатал амьсгалж, гагцхүү нүд нь маш догшноор эргэлдэн хоёр том чих нь чичив татав хийх ажгуу. Чингэж байтал ар талаас нь жадлах цохих улам ширүүн болж, зааны бөгсөн бие мэдээгүй болсон учир доошоо намсхийх шиг боллоо. Тэр байдлыг мэдэнгүүт, олон анчин там тойрон хашгиралдан цөм нэгэн зүгээс жадлан цохилох болсон нь тэр заанд ширвүүлэн унасан анчин Залуудайгаар суга татуулснаас хойш сэхэрч ухаан ороод, олон анчнаа тэг ингэ гэж заан удирдаж, хамаагүй тал талаас шахцалдан дайрч, бие биедээ саад хийхийг нь зогсоожээ.
Тэгсээр байтал заан улам муужирч, ширүүн хөдөлдөг хар хошуу нь годгонон гялалзахаа байж догшин нүдээ ч улаанаар эргүүлэхээ байж, тамдаа доошоо аажуухан шигдэж эхлэхэд, олон анчин тэр хүчирхэг амьтан тамирдаж, жадлан чулуудах нь улам ширүүстэл, гэнэт тэр арслан заан сүүлчийнхээ хүч шавхан гэнэтхэн цоройж, хоёр урд хөл нь тамаас гарахын хамт, хошуураа нэг анчныг шүүртэл, Залуудай чулуун сүхээрээ хошууг нь хага цавчсанд, анчныг дээш нь өргөтлөө алдав. Заан агнаачны ахмад нь тэр залуу анчныг шүүрүүлэхэд царай нь үнсэн хөх болж, яаран урагш давштал, тэр залуу газар ойчиж, Залуудай газраас холдуулж авлаа.
Сүүлчийн тэр үсрэн ухасхийсэндээ зааны тэнхэл тасарч, хоёр хөл нь зөлгөнд шигдэн, хэнхдэг нь тамын амсар дээр тээгдээд, тас цавчуулсан хошуунаас нь хар цус олгойдон цацаж, том нүсэр бие нь чичив татав хийж, амь нь тасарлаа. Олон анчин түүнийг үзээд баярлалдан, хашгиралдаж, бороохой жад сүхээ далайн дэвхцэж бүжив.
Тэр том амьтны цээжин бие нь нүхэн тамаас хагас цухуйн гарч үхсэн нь татаж гаргахад их дөхөмтэй болсон бөгөөд их л бэлэгтэй сайн тэмдэг боллоо гэж баярлалджээ. Чингээд эвдэхдээ тун чадамгай тул, хэдэн хүн чулуун сүхээрээ бөгсөн бие гуяыг нь салгаж тамаас сураар татаж гаргаад, халуун цуснаас нь тэр дороо ууцгааж нүүр ам нь улаан нилээ болцгоон, заанаа эвдэж гэдэс дотрыг нь цэвэрлэн, элгийг нь түүхийгээр хуваан идэж, аль амттайгаас нь Шонхолой нарт барив. Зааны хошуунд мах чихэж галд болгоод, нарийн сайхан хоол гэж дээжийг нь Залуудайд барихдаа тэр анчны ахмад нь хүүгийн минь амийг аварсан сайн хүүд сайхан ерөөлөө тавина гээд дуудруун:
Алс холоос ирээд
Арслан заан агналцаж
Алаг үрийн минь амийг
Авран баярлуулсан
Ачит залуу эр чамд
Залуугийн цог төгс
Заан Залуудай гэж
Алдар дээр чинь
Алдар нэмэн дуудсуу!
Чадал дээр чинь
Чадал улам нэмж
Чамбай сайн эр болж
Чацуулан тэнцэх хүнгүй
Чадалтны манлай болоорой!
Хүчин дээр чинь
Хүч их тэнхээ нэмж
Хүчтэй сайн эр болж
Хүзүүгээр барих хүнгүй
Хүчтэний манлай болоорой!
Ан хийхдээ азтай
Аянд явахдаа олзтой
Арслан заан шиг сүртэй
Аймаг олондоо хайртай
Заан Залуудай нэртэй
Заяа их хувьтай эр болж
Урт гэгчийн насалж
Удаан гэгчийн жаргаарай!
гээд арслан зааны хошуунд нарийн мах чихэн болгосон идээнийхээ сайнаас Залуудайд барин, амы нь өөрөөх тосдон, гарыг нь арслан зааны цусаар мялааж, гарах бүр ангийн олзтой болоорой гэж, дотор чинь хэзээд цатгалан дүүрэн яваг гэж дотоод хормойд нь өөх тос түрхлээ.
Шонхолой хүүгээ цол цоллуулж, нэр нэрлүүлж байхыг үзээд баярлаж олон анчны хамт арслан зааны махнаас цадталаа бүгдээрээ идэцгээж, хувь махаа завиндаа хийж цаашаа аялан мордохоор болохдоо, харвалаа үзүүлэн сонирхуулбал арслан зааны тэдгээр анчин, хэдийн урьд үзээгүй сонин юм үзэвч, уулаас арслан заан гөрөөлж явдаг заншилтай тул, тийм нарийхан жад нисгэж, ийм том арслан зааныг агнаж болохгүй осолтой зэвсэг байна бид арслан заан дагаж амь зуудаг улс. Зааныг нүхэн тамд унаган алдаг. Мод ихтэй газар чулуун сүхээр модны ёроолоос хөлийн шөрмөсийг тас цавчин агнадаг билээ. Зааны соёогоор хийсэн жадаар заан болон хирисийг ч жадлан шархлаж, эр зориг чадал тэнхээгээ сорин үзүүлдэг зуршилтай заан агнаачид билээ. Эмс охид маань бор гөрөөс, буга хандгай жадлан гөрөөлж, усны захаар галуу нугасны дэгдээхэй агнадаг ийм улс. Энэ нисдэг жад тань, манай эмсийн зэмсэг болохоос, заан агнадаг хүний зэвсэг биш гэжээ.
Гал асаахдаа галын мод гэдгийг хэрэглэж хоёр мод үрж гал гаргадаг тул харин Шонхолой цахиур хавирч гал гаргахыг сонирхож, галын мод, хур бороотой цагт чийг зуудаг нэг гэм бий тул ямар ч чийг усанд чийг зуух гэж байхгүй цахиур чулуугаар гал бий болгох энэ арга тань бидэнд хэрэгтэй юм байна гэж цахиур хавирах аргыг заалган сурч аваад, маш найрсгаар хагацан саллаа.
Нум сумыг эмсийн зэмсэг гэж тоохгүй тэр чийрэг анчин аймагтай уулзан дайралдсандаа Залуудай их сонирхож, бас Заан цолтой болсондоо бахархан, заан агнаачны ахмадаас бэлэглэн өгсөн зааны соёогоор хийсэн жадны том гилбэрийг арслан зааны савгаар сүлжсэн гэртэй өгснийг нь сонирхож, Чоносынхны хэрэглэж үзээгүй сүлжмэлийг таашаан бахархав.

Хорин зургадугаар бөлөг

ӨТГӨСИЙГ ҮДЭХ ЖУРАМ


Top
   
PostPosted: Sep.28.16 9:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Шонхолой дагаж ирсэн их мөрний аль талаас ямар ус цутган орсныг Бух өвгөнийг үдэн очих замдаа тэмдэглэн зурсан тоймоороо, бас ан аян хийж юм ажихдаа сүрхий дадлагатай тул буцах замаараа замдаа мөрөн их усаа барин огт төөрөлгүй явсаар намрын сэрүү орсон нэгэн өглөө мөрөн өгсөж явтал, нэгэн өргөн дэнж дээр галын утаа, олон хүн харагдсанд, юухан болж улс амьтан цугладаг билээ? гэж эргээр явсан эмстэйгээ бүгд нийлэн зөвлөлдөж, мөрөн өгсөж явахад, дэнжийн тэр улс яасан чиг хүн явахыг андахгүй харна. Усныхаа нөгөө талд гарч үзэх үү? Халдан дайрах гэвэл, ус гаталтал бас зайтай бий гэж хэлэлцээд, ус гарч завдтал өндөр дэнжийн улс, хэдийн ажиглаж нэг хэдэн хүн гар даллан өөдөөс нь чиглэв.
Гартаа зэр зэмсэггүй, даллах байдал найрсаг тул, арай ч дайсагнан халдах шинжгүй гэж зөвлөн хэлэлцээд, Шонхолой, Үхүү хоёр тэр чиглэн айсаж яваа хэдэн хүний урдаас зорин одов.
Ойртоод ирэхэд тэр айсуй хүмүүс, найрсаг сайхнаар ёслож, амар мэндийг асуугаад биеэ цөөвөр омогтон гэж үг аялгуу нь нэвтрэлцэм ойр хэлтэн байлаа. Шонхолойг хаанаас хайшаа зорьж явааг асуугаад, тэр цөөвөр омогтны нас ах нэг нь өгүүлрүүн:
- Манай отгийн ахмад нас дээр гарч, тэнхэл тамир дорой боллоо. Ан хийж чадахгүй нүд, шүд муудлаа. Шөрмөс шандас суларч уул өөд мацан явж ан гөрөө хийж чадахгүй боллоо. Отог олондоо тээр төвөг болох нь. Танагтай байгаа дээрээ та бүхэнтэйгээ нэг хуримлаад, гэдэс цатгалан санаа амар байдлаар уулынхаа өвгөд өтгөстэй золгож, ач үрдээ үрлээ шүтээн сахиус болсуу гэсэнд нь буурал аавынхаа захиа дагаж, өнөөдөр бид хад түшүүлэх хурим хийх гэж горьдоно гэхэд нь Шонхолой учрыг нь мэдэж,
Би нөхөд дээрээ очиж, бүгдээрээ хамт явсуу. Хутагт хуримд тань хувийг оролцуулж арслан зааны махнаас барилдъя гэхэд нь тэр цөөвөр хүн арслан зааны мах гэхийг сонсоод тэсгэлгүй баярлан,
- Юун сайн юм бэ? Манай буурал аав арслан зааны мах амсаад нүдээ аних юмсан гэж билээ. Бидний хүч мөхөс тул тийм том амьтан агнах хүчин чадал хүрэхгүй тул захиаг нь гүйцээж чадаагүй юмсан. Бид үүлэн явна. Та нарыг чилээхгүй гээд, яаран Шонхолойг дагаж нөхөд дээр нь хүрэлцэв. Шонхолой хамт яваа ойн эмсийг зүг Үхүүгээр хэлүүлэн, цөөвөр омгийн хүн, өвгөн аавыгаа хад түшүүлэх хурим хийх гэж байгааг таниулж явган хэрэн явах гөрөөчин омгийн хүмүүс, отог олондоо тус нэмэр болох наснаас хэтэрч, төвөг тойв болохын өмнө хуримлан найрлаад үхдэг ёс тэр үед түгээмэл тул огт гайхсангүй, цөм хуримд оролцохоор арслан зааныхаа махнаас үүрэлцэн одов.
- Залуудай насан бага бөгөөд тийм хурим урьд өмнө огт үзээгүй, гагцхүү отог буудал дээрээ нэг идэх хоолтой дэргэдээ галтай хоцорсон хүнийг үзсэнээс биш, хад түшүүлэх хурим гэж сонсоогүй учир эцгээс асууваас,
- Өтгөсийн гэдсийг цатгаад, отог дээр нь үлдээхийг чи түрүүн мэдсэн. Бас гэдсийг нь цатгаад, төрлийн хүнээс ач нь жадалж, хад түшүүлэх ёс бий. Өөх үнхүүлж, амыг нь барих ёс бий. Одоо энэ ямар ёс хэрэглэхийг би мэдэхгүй байна. Газар газрын ёс ондоо. Чи тэнд очоод гайхсан байдал битгий үзүүлж хүн битгий гомдоогоорой. Ер олон аймаг ясны хүн хориглон өөрчилж дийлэхгүй тул газрын ёс дагахаас өөр аргагүй боллоо шүү гэж хүүдээ сэмхэн захиад, бүгдээрээ тэр Цөөвөр хүний хамт өнөөх өндөр дэнжийн зүг одлоо.
Шонхолой нарыг угтан тоссон Цөөвөр нэг нь яаран гүйж, өтгөс авын хүссэн юмтай гийчин айсуй мэдээ хүргэхээр одсонд, дэнжийн олон бүгдээрээ угтан бууцгааж, цөөвөр отгийн хад түших гэж байгаа өтгөс ч баярласандаа, нэг чийрэг залуу эрээр үүрүүлэн бууж ирээд гийчнийг ёслон эсэн мэндийг нь асуугаад,
- Сайн хүн санаагаар гэж та нар, өтгөс миний энэ зовлоно биеэ гээхийн өмнө хүссэн юмтай хүрэлцэн ирсэнд ихэд баярлан бэлэгшээж ач үр минь амны хишигтэй юм байна гэж баярлаж байна. Багынхаа дуртай нэг юм амсаад хад түшихэд надад ч сайхан завшаан боллоо гэхэд нь гөрөөсний цагаан үстэй элэгний нь арьсаар хад түших цагаан өмсгөл хийлгаж өмссөн, буурал үстэй цэцэн харцтай тэр өтгөсийг хараад, элэг нь эмтэрч ихэд өрөвдөвч газрын ёс дагахаас өөр аргагүй гэж эцгийн захисныг санан сүүрс алдлаа.
Тэр өвгөн үхэхийг унтахыг төдий бодох зоригтой хүн бөгөөд энэ намар маш сайхан тул ач үрдээ өвөл хаврын цагаар тээр төвөг таталгүй цагийн сайханд уул түших гэж санаа нэгэнт шулуудлаа. Хутагтай хуримд минь холын зочин гийгүүлэн ирсэнд үрчлээт магнай минь тэнийж баяртайяа нүд анин өтгөс дээдэстэйгээ золгон, үр садандаа өлзий болох энэ өдөр өтөлсөн муу би баярлаж байна гэж Шонхолойд хэлээд бүгдээрээ өндөр дэнж дээр гарав аа. Тэнд цөөвөр отгийн анчин эрс бор гөрөөс, буга, хар сүүлт зэргийн мах хэдийн эвдэж, шарах чанахад бэлэн, бас хорхог хийх гэж зэхсэн байжээ. Эмс хоолны хоршид ногоо жимс хэдийн базааж бэлдсэн тул, зочид хүрэлцэн ирэхэд зээр гөрөөсний элэгний цагаан үстэй цагаан гудас дээр өвгөнөө түшин суулгаад, Шонхолой, Залуудай, Үхүү, Гекүүг өтгөсийн баруун талд дэс дэсээр суулган настай эмс зүүн талаар нь доогуур нь залуус сууцгаан хоол хийх хэдэн эрс эмс гал түүдгийн дэргэд хоол бэлдэн завдах зуур, нэгэн чийрэг Цөөвөр анчин хад түших гэж байгаа өтгөсийн дээдэс өвгөдийн эрэлхэг зоригтой явдлыг тоочин хүүрнээд, дараагаар нь хад түших гэж байгаа өвгөний эр зоригтой явдлаас нь магтан өгүүлэхэд, Цөөвөр эр маш хичээнгүйлэн сонсоцгоож суув.
- Чингэж байтал хоолны түрүүч нь болж дээжээс нь өтгөсийнхөө өмнө тавиад, өвгөний ач нэгэн залуу Цөөвөр эр, аль л амттай өөхтэй мах идээнээс сонгон цахиур чулуун хутгаар огтолж, өтгөст хоёр гараар барив. Чингээд өтгөс өмнө нь тавьсан махнаас хувь хишгээ түгээнэ гэж хүн бүхэнд нэг нэг хэсэг мах өгсөнд, цөм маш хүндэтгэн, тэр махнаас нь авч, эмэгтэйчүүд нялх хүүхэд багачуулдаа аманд хийж хөхүүлэв. Хад түших өтгөсийн дэргэд суусан ач нь хоол бүхнээс өтгөстөө амсуулан идүүлж бүгдээр Шонхолой нөхөд сэлтийн авч ирсэн арслан зааны махнаас аль амттайг нь хад түших өвгөндөө барихад тэр өтгөс баярлаж,
Сайхан үгээ хэлж
Садан олонтойгоо
Хагацан салах ёс
Хамтын дунд хийж
Хад түших цагаа
Хариугүй туллаа
Цаашилж болдоггүй
Цаг минь боллоо
Хойшилж болдоггүй
Хоног минь ирлээ
Чимээгээ намдаж
Чихээ тавь, та минь
Ууланд цуурайтдаг
Урьдын хоолой байхгүй
Заан цочоодог
Залуугийн хоолой байхгүй
Шивнэж хэлэх үгийг минь
Шил сайт үр сад минь
Сонор чихээрээ сонссон
Сонин болгож тогтоогтун
Сулхан дуутай үгийг минь
Сургаал болгон сонсогтун
гэхэд нь бүгдээрээ чимээ авиагүй нам гүм болов. Өтгөс үргэлжрүүн:
Агуйн баавгайтай тулж
Арслан заан агнаж явсан
Идэр нас минь өнгөрч
Идээний тулам боллоо
Чадал ихтэй бие суларч
Чамбай гар салга боллоо
Хиншүү хоолтой
Хий биетэй болох
Цаг минь болж
Цаашлахын аргагүй!
Өвгөн буурай бие минь
Өтгөсийн ёс дагаж
Халуунаас хагацаж
Хад түших цаг боллоо
Садан олондоо би тань
Сахиус болон тэтгэсүү
Сүүлтийг гөрөөлөхөд
Сүүдэр мэт дагасуу
Ан агнахад тань
Алдуулалгүй тусалсуу
Атаатан тохиолдоход
Айлган сүрдүүлсүү!
Ач үр та нарынхаа
Амийг хамгаалан сахисуу
Ганц цучил гал болдоггүй шүү
Ганц хүн, хүн болдоггүй шүү
Эцгийн олон та нар хэзээд
Эвдэршгүй эв нэгтэй явагтун
Эхийн олон та нар эгнэгт
Элэг нэгтэй явагтун
Дугтарвал хүч нэгтэй
Дуугарвал санаа нэгтэй
Хар амиа бодолгүй
Хамаг олноо бодогтун
Омог омогтоо эвтэй бол
Огторгуйн одноос олон болно та
Отог омог дотроо эвдэрвэл
Огт өөдлөхгүй сөнөнө та
Үүлэн завсрын наран хурц
Үхэх хүний ухаан хурц
Үгийг минь сонсон тогтоож
Үүрд эвтэй сайхан явагтун
Үгээ захин хэлснийг минь
Үргэлж бодож явагтун!
гэхэд нь бүгдээрээ бодож явна аа. Захиаг тань дагана. Буурал аав маань биднээ харж яваарай гэж дуугарлдав. Өвгөн хоолойгоо засаад,
Үг тань сайхан байна сонслоо
Үнэр тань сайхан байна үнэссүү
гээд, отгийнхоо олныг цөмийг нь үнсээд, ачдаа дохиж,
Амыг минь барих
Ач минь наашаа
Хайртантайгаа хуримлалаа.
Хадаа түшсүү, одоо би тэнь!
Найрт минь ирсэн гийчин
Намайгаа үдэлцсэнд баярлалаа
Алсынхаа замт ирсэн гийчин
Намайгаа үдэлцэгсэд баярлалаа!
Алсынхаа замт саадгүй
Амар мэнд яваарай та минь
Хад түших хуримд минь ирж
Хамт найрласан гийчин минь
Халуундаа мэнд хүртүгэй
Арслан зааны мах амсуулсан та нар
Аян хол замд сайн явах болтугай
Алаг ач минь амсуулдаг юмаа аваад ир
гэхэд ач нь угалзын ууцны өөх бариад өтгөсийн аманд хийн чихээд шаат чөмөг шааж хахуулаад амыг нь барив.
Өтгөс хэд аргаваганаад амьсгал тасарч, амь алдав. Отог олон нь тийм юманд дадал болсон тул, ёстой юм ёсоороо гэж ахмад өтгөсөө сайхнаар хуримлуулан баясгалаа гэж үзэх үүнд гагцхүү Залуудай, урьд өмнө ан амьтны алагдан үхэх мөн тулаанд дайсны үхэхийг үзэвч найрлан хуримлаж, нэгийгээ өөх үмхүүлэхийг үзээгүй тул дотор нь их л аягүй. Тэр өтгөсийг нэн өрөвдөн эцсийн захиа үг захиж байгаа нь чихэнд дуулдаад байх шиг хачин санагдаж байлаа.
Цөөвөр отгийнхон, өтгөсөө хад түшүүлэх гэж хэдийн зэхэж бэлдсэн дамнуурга авчраад, цагаан хувцаст нөгчсөн өргөсөө завилуулан суулгаад ахмад настан нэгэн хүн, өтгөсийн дээл, сөөхий гутал, хувцсыг нь цахиур чулуун хутгаар эзнээ дага гэж өгүүлэн хэрэглэж байсан зэр зэмсэгт нь бас үхүүлэн ирт юмаар эмтэлж сүнсийг нь эзнээ дагуулан одох болгож дэргэд хаданд түшүүлэн, хувцас дээр нь суулгаад, ахмад нэгэн анчин салах ёс гүйцэтгэж дуудруун:
Хайртай буурал аавыгаа
Хаданд түшүүлэн суулгалаа
Хамаг олноороо хуримлаж
Хагацахын ёс гүйцэтгэлээ
Цөөвөр буурал аав нартайгаа
Цөмөөрөө биднээ тэтгэн салхи
Онгон буурал сахиус болж
Отгийнхоо олныг ивээн хар
Хиншүү идээг чинь таслахгүй
Хичээж явна шүү бид бүгдээрээ
Араатан, атаатны аюулаас
Амий маань хамгаалж яв
Эв санаа нэгтэй биднээ
Эвэр зовлонгүй явуул
Хол ойрын нүүдэлд биднээ
Хоолоор бүү тасалдуул
Хотол олон бидэндээ өмөг бол
Хохирол зовлон бүү учруул
Мөнх хад түшсэн өтгөс аав
Мөнхөд бидэндээ түшиг бол
гээд урд нь чулуун ширээ зэхсэн дээр нь арц агь ганга уугиулж ёслон бариад бүгдээрээ эргэж харалгүй буцав. Чингээд Шонхолой нөхөд сэлтийг нэн элэгсэг найртайгаар үдэн гаргаж өгөв.


Top
   
PostPosted: Sep.30.16 6:29 am 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6409
Location: ДЭЛХИЙ
Үргэлжлэлийг нь хүлээж байна.

_________________
No to Racism!


Top
   
PostPosted: Sep.30.16 9:02 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин долдугаар бөлөг

МАХЧИНТАЙ ТУЛАЛДСАН НЬ

Ойн эмсийн нэг нь тэргэл сарын үеэр унаж тусдаг, нойр дундаа босон давхидаг Усихаа гэдэг нэг охин байжээ. Хад түших хурим тохиолдсоноос хойш нойр муутай болж, шөнө босоод явах гэхэд нь найз нар нь тайтгаруулан тогтоож, дундаа хэвтүүлэн явдаг байжээ. Нэгэн шөнө, тэргэл сарны гэрэл маш саруул. Гекүүгийн нойр дунд хүн босох шиг болсонд, анзааралгүй хэвтэтлээ, бас дахин нэг хүн босон явах шиг санагдсанд өнөөх Усихаа л босоод явснаа буцаж ирэв үү гэж бодоод ажиггүй унттал хичнээн болсныг мэдсэнгүй, нэгэн эмэгтэй хүний сандан хашгирах дуу дуулдах мэт болж Бияагийн дуутай тун төстэй тул яаран өндийж үзвээс Усихаагийн хэвтэж байсан газар хүнгүй. Бас Бияа байхгүй тул, хайртай охин үгүй болсонд, тэвдэж дуу алдсанд нь бусад нөхөд нь сэрцгээж, хоёр хүн байхгүй юу болов? гэж цөм сандарлаа. Чих соргог тул бүгдээрээ Бияагийн хашгирах дууг нойр дундаа сонссон тул, тэр зүгт дуу нь дуулдсан гэж бүгдээрээ яаран зэр зэмсгээ шүүрэн барьцгааж сарын гэрэлд хяруун дээгүүр хоёр хүний мөр үзэгдэн буйг хөөсөөр ойрхон байсан модонд орвоос, олон хүний мөр үзэгдэж, нэг газар хүн ноцолдсон байдалтай.
Цөмөөрөө сандарцгааж яаран тэр мөр хөөвөөс Гекүү тэр олон хүний мөр дундаас Бияагийн мөр нь энэ байна. Өрөөсөн өсгийдөө шинэ нөхөөс тавьсан мөр нь тов тодхон байна гэж танив. Хоёр хүн ноцолдон чирүүлсэн мөр үзэгдэж, хааяа хааяа ноцолдсон шинжтэй. Чингэж явтал бас Бияагийн дуу нэг дуугарах шиг болоод, амыг нь барьсан шиг гэнэтхэн тасрав. Бас нэг эмэгтэй хүний дуу гараад, муухай ёолох чимээ гараад нам гүм болсонд Гекүүгийн зүрх түгшиж, Усихаа алуулжээ гээд сандран ухас хийх гэтэл, Шонхолой тогтоон, бүгдээрээ бөөн явахгүй бол горьгүй гэж тайтгаруулан, халуун мөрөөр нь хөөв.
- Дуу чимээ гарч дайсанд сэжиг төрүүлж хэрэггүй. Сэмхэн мөрөөр нь хөөе гэж Шонхолой нөхдөө дагуулан шамдваас Гекүү бачимдан яарч, Бияагаа дайсанд амь алдуузай гэж тэвдэв.
Хөөж ширүүлэн явсаар нэгэн газар хүн унасан байдалтай. Өвс хяруу дээр цус харлан харагдаж баахан явтал цус болон Усихаагийн өрөөсөн сөөхий олдлоо. Мөрий нь мөшхөж явсан ойн эмс нэг газар зулзаган мод унагаж авсан ором өвс хяруун дээр нэг хүн хэвтүүлж, модонд хүлэн дамнасан байдал үзэгдсэнд, Усахааг модонд дамнан авч явсныг мэдлээ.
Модон дундуур мөрий нь хөөсөөр явбаас, явдал дундаа ээлжлэн дамналцаж, бас Бияаг чирэн явсан мөр сарны гэрэлд модны завсар цоорхойд тодхон үзэгдэв.
Шонхолой, дайсан сэрэмжилж магад хэмээн, өөрөө түрүүлэн, бусад нь цуван дагаж, мөр мөрөө гишгэн аль болохоор чимээ гаргахгүйг хичээж мөшхөн хөөж нилээд явтал, өөдөөс нь салхинд тэдгээр үл таних хүний үнэр сэнгэнэх болсонд, шөнө халдсан дайсан ойртлоо гэж маш болгоомжлон, модны сүүдэр дагаж нуугдан, ганц Шонхлой, Залуудай, Үхүү, Гекүү гурав мөрөөр нь ил явтал алсаас модон дунд гал харагдах шиг боллоо.
Хоёр охиныг халдан олзолсон дайсан буудаллаж гал түлэн, хоолоо хийх гэж байгааг мэдээд, машид сэрэмжлэн тун нууцгайгаар салхины нь дороос нь отог буудалд нь ойртохоор шийдээд, Шонхолой ойн эмсийн эгчмэдийг намайг дайран орохоос өмнө гар хөдөлж болохгүй гэж захиад, Залуудай, Үхүү, Гекүү гурвыг дагуулан сэм ойртоход, дайсны үнэр улам их болсоор болсоор, галын гэрэл ч их болж, бүр ойртосхийж очоод модны цаанаас ажин харахад, Бияа ам нь таглаастай хоёр гар нь араадаа хүлээстэй, галын хажууд сууж байв.
Нилээд хэдэн гүжирмэг эрс гал тойрон сууж, хоёр хүн чулуун сүхээр Усихаагийн биеийг цавчин эвдэж байгаа нь түүдгийн сүүмэлзэх гэрэлд үзэгдэв.
Ойн эмсийн эгчмэд нь Шонхолойн дэргэд аяархан хүрч ирээд, миний гар хоёр хөлийн хуруун дээр бас гурван хуруу нэмсэнтэй таацах олон хүнтэй юм байна гэж тооллоо гэхэд нь Шонхолой,
- Олондоо найдаад сэрэмжгүй явж байгаа юм байна. Бидний нум сумтайг хараахан мэдээгүй тул, цочмог дайран ороход, урьдаар харван сөнөөж цөөрүүлэн цочооно. Бид тав ойртосхийж очоод, модны цаанаас харвая. Чингээд сандран тэвдэхэд нь бүгдээрээ хашгиран сүрдүүлж, бид тав харвасаар, бусад маань тойрон бүсэлж дутаасан нэгий нь дайр. Сум тоолон унагана шүү. Тэгээд сүхдэн жадална. Бид хоёр удаа алдалгүй харвабал дайсан биднээс цөөн болж, цочмог дайруулсандаа эрхгүй дарагдана. Ганц Бияагаа мэдэж байгаарай. Дарагдах болсондоо өширхөж, охины аминд хор хийгүүзэй гэхэд Гекүү
- Би дайран орсуу гэхэд нь Шонхолой тогтоож,
- Чи яаран дайрч амь үрэгдвэл тусгүй. Чин зориг барьж, самбаатай тул! гээд улам ойртосхийтэл, галын гэрэлд үзвээс хөөрхий Усихаагийн гавлыг хага цохиж тархийг нь гаргаад, хоёр нүдий нь ухаж, ахмад нэгэн чийрэг хүнд дээж болгон идүүлж байгаа харагдаж, түүний элгийг нь огтчин идэж, махыг нь галд шарж эхлэв. Намайг харвахад, нэгэн зэрэг харваарай. Бусад нь яаран гарч, дайсанд биднээс урд үзэгдэж болохгүй гэж тушаагаад, таван харваачин сэмхэн бас урагш давшиж, модны нөмөрт хоргодон, нэгэн зэрэг харвахад таван хүн суманд оногдож алдлан унав.
Гал тойрч суусан хүмүүс машид сандарч тэвдтэл бас дөрвөн хүн ойчиж, нэг хүн өрөөсөн гартаа нум шингэтгээстэй босон харайж, модон зүг дутаах гэтэл ойн эмс хашгиралдан зам хөндөлсөж тэр хүнийг цохин унагасанд Шонхолой хашгиран дайраад Үхүү, Залуудай, Гекүү дагалдан гүйж, явдал дундаа харван бас гурав дөрвөн хүн суманд шархдан унав. Чингэтэл ойн эмс муухай дуу тавин жад шийдмээ эргүүлэн дайрч орвоос амьд үлдсэн дайсан, дайран орсон хүний олонх нь эмс байгааг үзээд хэдий тэдний тоо давуу боловч, эм хүйстэй гэж ороод зориглон тулалдав. Таван харваачин ойн эмсийн бороохой жаданд нь нэмэр болгож тэдний өөдөөс дайран орсон дайсныг харвасаар сум барагдаж сүх жадаа барин их түүдгийн гэрэлд тулалдав. Гекүү яаран Бияагийн дэргэд гүйж очоод хүлээсийг нь огтчих гэж оролдож байтал баруун хөхөн тушаагаа сум хадаастай тэр махчны ахмад маш чийрэг эр өндийн босоод Гекүүгийн араас жадлах гэтэл Залуудай яаран ухасхийж, сүхээрээ тэр чийрэг эрийн эгмийг тас цавчтал, араас нь нэг хүнд юм лүсхийж буугаад дээрээс нь нэг хүнд юм зөөлхөн дараад унах шиг болж даруй нүд харанхуйлан ухаан алдав.
Хичнээн хэвтсэнийг бүү мэд нэг мэдэхнээ түүдгийн дэргэд хэвтэж, хажууд нь нэг үхсэн дайсан алдлан сунаад, Шонхолой, ойн эмсийн эгчмэд, Үхүү гурав тэнхрүүлэн илж суунам. Энд тэнд гал тойрон унаж туссан дайсны хүүр үзэгдэн, хэдэн эмс шархаа боож суунам. Гекүү газар сууж дэргэд нь Бияа сувилан оролдож байгаа бололтой. Нуруу зоог нь барьж байнам. Элгэндээ үстэй, хувцас хунар нь ноцолдон урагдсан хүйтэн хөх царайтай, муухай харцтай дөрвөн махчин, гар нь ардаа хүлээстэй нэтийн сууж маш уруу царайлсан байдалтай. Үхүү, Залуудайн ухаан орсонд баярлаж маасганан инээж дун цагаан шүдээ гялалзуулан:
- Дайснаа дарлаа... дөрвийг нь олзолж, бусад нь хөөрхий Усихаагийн сүнс дагалдан одлоо. Манайхнаас хэдэн эмс хөнгөн шарх олж бусад нь гэмгүй. Гекүү та хоёр л ухаан алдталаа цохиулснаа одоо сэхлээ гэж Гекүүг заав. Залуудай Гекүүг жадлах гэхэд махчин ахмадыг сүхдэтэл хойноос нь нэг махчин бороохой далайн буулгаж ойн эмсийн эгчмэд ойр байснаа Залуудайд үхэх аюул тохиосонд яаран ухасхийж, тэр махчныг шилэн хүзүүг нь нугас тасартал жадалж, Залуудай дээр буух бороохойн хүчийг сулруулан, хүүгийн амийг аварсан байжээ.
Тэр завсар нэг махчин эгчмэдийн өрөөсөн гарыг хальт жадлаад Шонхолойд сүхдүүлэн унасан байжээ. Амьсгалаа дарж баахан амсхийгээд, дайсан эвдүүлж муугаа үзсэн хөөрхий Усихаагийн үе мөчөөр нь салган сэглэсэн биеийн байдаг ёсоор нь эвлүүлээд, хага цохисон гавал толгойг нь дайсны сармай хувцаснаас тасдаж эвлүүлэн тааруулж биед нь наалдуулан торгож, заалсан эрүүг нь боож тогтоогоод, модны холтос дээр хүүрийг нь талбин, ойн эмсийн заншил ёсоор модны гишүүнээс өлгөн оршуулаад, дайсны хүүрийг олзолсон дөрвөн махчнаар үүрүүлэн нэг газар овоолон хаяултал үүр хариугүй цайлаа.
Тэр завсар Залуудай, Гекүү хоёрын бие ч залуугийн чадал их тул явж чадахаар болж тэнхрээд, олзолсон дөрвөн махчнаа яахав? гэж бүгдээрээ зөвлөлдлөө. Тэднээс үг асуухад хэл нь мэдэгдэхгүй хэл буруутан байв. Ойн эмсийн эгчмэд нь хорт могойг эрээн гэж басаж болохгүй дайсныг цөөн буурай гэж басаж болохгүй. Ижилд нь нийлүүлэн цохиж албал таарна гэж санал гаргаад ойн эмс бүгдээрээ тэгэх нь зөв гэж шуугилдав. Тэр дөрвөн махчин хэдий хэл мэдэхгүй боловч дууны өнгө, царайн байдлаар шинжлэн, алуулдаг цаг ирлээ гэж мэдээд, гурав нь тун ч урамгүй шалчгар бололтой. Ахмад бололтой нэг нь нөгөө гурвыгаа зэмэлсэн байдалтай үглэж байв. Үхүү, Гекүү хоёр бас өстөн дайснаа өрвөлөвөл таарна гэж ойн эмстэй санал нийллээ.
Шонхолой олны санал сонсоод толгой сэгсрэн:
- Бид махчин биш махчны ёс дагавал бидэнд зохихгүй хүний үнэр алдаагүй цагт бид хүн шиг байх ёстой. Алалдан тулалдаж, амиа хамгаалахад дайсны амь бодохгүй нь зүйтэй. Гартаа орсон дайсны мууг нь үзэж амийг нь таслаад яахим бидэнд хор хийхээс энэ дөрөв өнгөрсөн суллан тавья. Тавилангаараа болог эднийг алаад яахым.
Хорхой ч гэсэн аминдаа хайртай шүү дээ. Эднийг хороогоод Усихааг босгодогсон бол ч нэг хэрэгсэн. Тэгж чадахгүйгээс хойш улай дээр гаргаад юу хийхэв. Тавья хаашаа л явдаг бол яваг гэхэд нь ахалж явсан хүнийхээ амыг бүгдээрээ дагаж, тэр дөрвөн махчны хүлээс тайчин тавьсанд амьд гарснаа итгэхгүй яаж маныг алах нь бол гэсэн шиг айж эмээсээр холдоод хойноос нь нэхэж хөөхгүйг үзээд яаран далд орлоо.


Top
   
PostPosted: Oct.03.16 10:30 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4813
Location: зогсолтгүй..
ийм сайхан ном оруулж байгаад баярлалаа

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Oct.15.16 6:11 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин тавдугаар бөлөг

ТАВЬ АВЛАЛЦСАН НЬ

Их мөрөн өгсөн явсаар нэгэн өдөр уудам цагаан талын захаар хоёр завиндаа ээлжлэн сууж, сэлэх газар сэлж, хатгах газар хатгаж явтал нэгэн эрэг бүүргийн хавьд айстал, нилээд олон хүн зэллэн сүрэг олон тахийн зүг чиглэж авах нь үзэгдлээ.
Танихгүй газар, танихгүй олон хүн үзэгдэхэд, эргийн дагуу явсан эмэгтэйчүүд Шонхолойгоос яадаг билээ гэж асууж, бүгдээрээ усны нөгөө талд гарах уу гэлцэж байтал, тэр олон хүнээс хоёр хүн аянчны зүг гар даллан алхлаа.
Хоёрхон хүн юм байна. Уулзаж учрыг нь мэдъе дээ гэж Шонхолойн хүлээтэл тэр хоёр хүн ч ойртон ирлээ. Хүрч ирээд эсэн мэндийг асуулцваас үг аялгуу нь төлөв мэдэгдэх тул, хаанаас хаашаа явж байгааг харилцан мэдэлцэв. Тэр хоёр хүн отог олноороо намрын ав хийх гэж гарсан. Тахь хөөж эрэг бүүргийн зүг хөөн гаргаад, доош нь унаган агнах гэж байгаа. Дор нь отгийн өтгөс, эмс, хүүхэд хүлээн тосч байгааг хэлээд, нэгэн мөрний тусламж гуйсанд бүгдээрээ зөвшөөрч, нөгөө олон дээр хүрэлцэн одов.
Анчинтай амар мэндээ мэдэлцээд, зэллэн тархаж, тахийн сүргийг аяархан тэр эрэг бүүргийн зүг хашин явахад, тэр зэллэн яваа анчин хавирган сар мэт хашин хүрээлж ойртсоор, тахь ч тэднээс аажимхан зайлж, хөөсөн зүг тийш хумигдан туугдав. Дагасан анчин улам бие биедээ ойртон хумисаар тахийг шахахад, түрүүчийн тахь нь тэр өндөр эрэг бүүргийн захад хүрээд, баахан бачимдах байдал мэдэгдэн эргэж буцахад нь гөрөөчин, хэдийн модонд тостой өвч уяж бамбар хийснээ асааж, галтай бамбараар даллан гууглаж, олон хүнд шахагдсан тахь тэр доошоо ханан хад болсон эрэг бүүргийн орой дээр овооролдон, азарга унгалдаж, унага, даага, гүү цөм бие биедээ шахалдан, хүний үнэр, тостой бамбарын утаа хиншүүнд сүрдэн сандарч овооролдоно.
Тахь хөөгөөч анчин, ахар жад, бороохой зэвсэгтэй бөгөөд, жад шидэж болох газар ойртох гэж хашгиран ойрттол, Шонхолой тэргүүтэй таван харваачин сумны тусгал нь гараар шидэх жаднаас арай тусгал холтой тул, тавуул зэрэг харван, бөөгнөрсөн тахийн тавийг харван оносонд, өвдөн сандарсан тахь ухасхийж сүрэг дотроо шургалан орох гээд, цаана нь халилын ирмэг дээр байсан хэдэн тахийг доош нь түлхэн унагалаа. Тэгж байтал, бас харван айстал, жадтай анчин ч жад тусам газар ойртож, бусад нь хашин шахахад олон хүний хашгирах, жадлах харвахад бие биеэ түлхэн урагш ухасхийсэн тахь хадан халил руу нэг нэгээ түлхэн унагаж, зарим шарх олсон нэг нь сандран тэвдсэндээ өөрсдөд доошоо шахахад, дуу чимээ галт бамбараас айн сүрдсэн тахийн олонх нь доошоо харайлан ойчиж, үлдсэн хэдий нь цагаан талын зүг зайлан гарах замыг анчин шахан хаасан тул, цөмөөрөө хадан халил руу үсрэн далд орлоо.
Шонхолой нөхөд сэлтээр хадан халилын ирмэг дээр хүрч доошоо үзвээс, тэр сүрэг тахь цөм өндрөөс ойчин, үхэх нь үхэж, зарим нэг нь хөлөө хугалж, унгалдан тийчилж байтал, тэр хавьд нь хоргодон тосч байсан эмс, өтгөс жад бороохойгоор амьд тахийг цохилон нүдэж, бужигнан үймэлдэж байв.
Хадан халилын ирмэг дээр өнөөх тахь шахсан олон анчин цуглаж, ав урагштай боллоо гэж баярлан хашгиралдаж байтал, шугуйн бургаснаас нэгэн бөлөг хүн жад бороохой барин гарч ирсэнд, дээр байсан анчин тэднийг хараад дор байгаа хүндээ мэдэгдэн хашгиралдан, баахан сандарсхийсэн байдалтай, эрэг бүүргийг тойрон буух зам эргэн гүйлдэв.
Анхны ахмад нэгэн чийрэг эр, том гэгчийн бороохой атган, Шонхолойн зүг айсан хүрч ирээд,
- Манай олз булаах араатан хүрч ирлээ. Тулах цаг боллоо. Та нар минь тусалвал их л сайн байна. Гагцхүү аяны явуул хүн болох тул хоёр омгийн эвдрэлцэж, олз булаалдах тулаанд орох нь та нарт харамсалтай юм уу даа. Гэвч бид хамтын хүчээр нийлбэл та нарын мөрөн өгсөх замд тосон халдах дайсан энд дарагдвал, та нарт ч бас хэрэг болох асан байх. Та нар бидэнд бас тэр хол тусгалт багаж жадаараа нэмэр тус үзүүлбэл сайн л юм асан гэхэд нь Шонхолой ойн эмсийн зүг харваас эгчмэд нь:
- Нөхрийн тус бүтвэл, өөрийн тус бүтнэ. Үзэлцээд алдая. Бид тулахад бэлэн! гэж нумаа өргөн далайхад, ойн эмс жад бороохойгоо далайцгаан, уриагаа хашгирсанд, Шонхолой тэр аянчны зүг толгой дохин зөвшөөрч, хойноос нь даган яаран доошоо бууцгаав.
Доор байсан эмс өтгөсийн зүг ахмад нь хэдэн үг хашгиран дохиод, сандан мэгдэн бусдынхаа хойноос хар эрчээр гүйн гүйцэж бүгдээрээ доош бууж, эрэг бүүргийн ёроолын захад хүрч одвоос доор байсан өвгөн эмгэд, эмс охид, хүүхэд шуухад нь цөм тэр гэнэт халдсан дайснаас зайлан, идэр чийрэг анчнаа хүрэлцэн ирэхийг бөөгнөрөөд байлаа.
Дээрээс буусан анчин хүрч ирээд, унасан олон тахийн дэргэд хүрч ирсэн тэр тонуулчдыг үзвээс, тоогоор бараг ойролцоо бөгөөд дээрээс яаран бууж амьсгаадсан анчныг бодвол гүйж цуцаагүй ханаран жагсаад гууглан хашгиралдаж, муу сүр үзүүлэн авай. Зарим нэг нь урагш давшин богино жадаа шидэх дүрэм үзүүлэн байтал, Шонхолой нумтай дөрвөн нөхдөө харва гэж тушаагаад өөрөө түрүүлэн харвасанд, нум сум үзээгүй тэдгээр дээрэмчин огт ажиггүй ханхалзаж байтлаа гэнэт таван хүн суманд шарх олж ойчиход машид гайхан сочиж, унасан хүнийхээ дэргэд овооролдтол бас таван сум хүрч ирэн шигдэхэд сандран хашгиралдаж бууруултал тахь агнаачин, жад шидэх газар давшин хүрч ирээд хэдэн хүнийг унагаж дайсны сандарсанд зоригжин эр эмгүй хашгиран дайрч орвоос унаж шархтай болсон үхсэн хүнийг чирэн дамжилж ухарцгаахад харваачин хойноос нь харван хөөж тархаан сарниулав.
Сандан дутаасан дайсан дамжилж явсан зарим хүнээ гээж мэндэн гүйлдэж мөрний бургасанд далд орох санаатайг анчны тэргүүн мэдээд замыг нь хөндөлсөн боох идэр анчин явуулахад Үхүү Гекүү хумкагийнхаа дайчин уриа хашгиран хойноос нь ойн эмсийн эгчмэд, жадтай эмсээ дагуулан гүйцгээв. Залуудай бас нөхдөөсөө хоцрохгүй гэж эцгийн өөдөөс харваас дохин зөвшөөрсөн тул бас хурдлан шамдаж тэр дайсны зам боож залуу гавшгай анчин, өнөөх дутаасан дайсныг цагаан тал руу хөөн одов.
Ухран дутааж яваа халдагсдын дунд шарх олсон хэдэн хүнийг бусад нь түшин авч гарахдаа хурдлан зайлж чадахгүй нэг хэсэг хүн хоцорсхийн гүйцэх гэх болсонд бусад нь тэдэндээ туслаар эгтэл нум сумтай Үхүү Гекүү Залуудай эгчмэдийн суманд тусагдан унаж байгаа нь холоос илхэн харагдаж нэг том хүн алдлан ойчиход бусад нь түүнийг тойрон овооролдоод анчныг ойртон бүслэхэд зэвсгээ хаяцгааж, сөгдөх нь сөгдөж, гараа өргөн гуйж байгааг Шонхолой хараад лав ахмад эрхэм нь шарх олж бусад нь дагаж оров бололтой гэж бодоход тахь агнаачны тэргүүн баярлан,
- Дайсан отгийн тэргүүн шарх олж дутаан зайлж чадахгүй болоход бусад нь бууж өглөө. Хүн яаж ахгүй, дээл яаж захгүй байхав дээ? гэж гуяа алгадан дэвхцэж одоо тэргүүнтэйгээ бууж өгсөн хойно бидэнд халдахгүй нь лавтай боллоо. Энэ бол та нарын гайхамшигт зэвсгийн сүр гавъяа. Манд тэр гайхалтай зэмсгийн хишиг хүртээн хайрла! гэж Шонхолойг тэврэн тэсэлгүй элэгсэг найртайгаар гуйлаа.
- Болно! гэж Шонхолойг хариулахад тэр отгийн тэргүүн тал өгч баярлан ёслоод дайснаа дарсан анчнаа хүлээх завсар өтгөс эмс хадан халилаас ойчин үхсэн тахийг өвчиж улирал сэрүүн тул агуйн хүйтэн хонгилд үйцлэн хадгалахыг нь ялган нэг хэдэн тахийг оройн хуримд идэхэд бэлдэн ажиллав. Тэр завсар дайснаа хөөж олзолсон анчин зэр зэвсгийг нь үүрэн шархтай дайсныг бусдаар нь үүрүүлэн дамжуулж хүрэлцэн ирлээ. Отог омог дотроо маш шударга үнэнч бөгөөд харь отог омгийнхонтой хардах санаа дайсагнах довтлох үес их тул тахь агнаачдын тэргүүн Шонхолойд элэгсэг итгэж энэ дайсныг тэргүүнийг олзолсон завшаанд тэдний зүрхийг үхүүлэн та гайхамшигт зэвсгийнхээ чадлыг бас нэг үзүүлэн сүрдүүлж дахин бидэнд халдахгүй болгож өгнө үү гэж гуйлаа. Шонхолой зөвшөөрч ямар омгийн хүн болохыг асууваас, Гахайн омогтны бодонгууд отгийн хүн хэмээв. Чингээд Шонхолой завиасаа нэг нум авчруулж анчныг цуглуулан анд бололцох ёс гүйцэтгэж олон гахай гэсэн Гахайн омгийн бодонгууд омгийн бодон тэргүүлэгчтэй анд болж бүсээ солилцон нумаа хэдэн сумтай нь агсан зүүлгэсэнд бодон тэргүүлэгч хариу бүсээ арслан зааны соёот гилбэр бүхий урт жадаа өгч тэврэлдэн ёсолж галд тахийн өөх тос өргөж анд бололцов.
Гахайн омгийн Бодонгууд отгийн хүн бүгд, анд болсон Шонхолойд цөм ёслон сөгдөж, бүгдээрээ маш баярлалцав. Чингээд, Шонхолой тахийн арьж бургасанд тэлүүлж, тавин нумны газраас сум тоолон оноход, бүгдээрээ гайхан хашгиралдаж дэвхцэн баярлалцав. Дараагаар нь Залуудай Үхүү Гекүү эгчмэд харвалаа гайхуулан үзүүлэхэд Бияа Гекүүгийн онох тусам алга ташин маш баярлан жаргасан байдалтай бахархан бахархан харахад Гекүү харвалаа гайхуулах гэж бас арван нум ахиулан хэдэн сум харваад Бодонгуудын анчныг манай харвасан газраас та нар жадаа шидэн онож үз гэхэд, тийм холоос жад шидэн онох хүн байхгүй гэж өчив.
Олзлогдсон дайсан, Шонхолой нарын харвалыг нэн гайхан харж Бодонгуудтай анд болох ёслол гүйцсэн хойно хоорондоо шивнэлдээд шарх олсон тэргүүн нь ичих зовох байдал хүрэн улаан царайд нь мэдэгдэн нэгэн цагны мунхагаар олзонд шунаж халдсан буруугаа хүлээн өчөөд үүрд найрсаг болохыг хүсэн гуйсанд Гахай омгийн Бодонгууд отгийн Бодон тэргүүлэгч, дотроос маш баярлавч, царайг төв болгон ихэмсгээр өгүүлрүүн:
- Халдсан буруу илэрхий боловч өнөөдөх Чонос баатар омог, Гахай омог анд болсон баяр тул, бурууг хэлтрүүлж ял асуухгүй. Бас та нарын дотроос халдан довтолж шарх олсон хүссэн хүн буй тул түүгээр шийтгэл болгосуу.
Бид өшөө нэхэж хонзон санаа агуулахгүй. Та нарын санаа үнэн аваас, манай отгийн галд мөргөн, үүрд найрсаг явахын тангараг өргө гэхэд олзлогдсон омгийн тэргүүн галд өргөх тахийн өөх мөөх гуйж гартаа барин босоод галын өмнө очиж дуудруун:
Увачаан омгийн бидэн
Уулгасан буруугаа хүлээн
Улайж ичсэн царайгаар
Уруу буруу болсноо энд
Илэн далангүй хүлээж
Илэрхийлэн тангараглам
Чон чулуун зэвсэгтэй
Чонос омгийн дайчин
Гахан омгийн бодонгуудын
Галын өмнө батлан хэлсүү!
Увачаан Гахан хоёр омог
Урт удаан найрамдаж
Уулын гөрөөс талын тахь
Хамт хүчээр агнан гөрөөлж
Халдах дайсныг хамтаар
Хамх дарж явсугай!
Үеийн үед үерхэж
Үүрд найртай болсуу!
Цэгээн чулуу хамхарч
Цээл ус ширгэтэл
Тангарагийн энэ үгс
Тасаршгүй бат амуу!
Баа, ваа ваа!
гэж омгийнхоо дайчин уриа хашгирахад Увачаан омгийн эрчүүд бүгд Ваа, ваа, ваа гэж омгийнхоо уриаг хашгиралдан, баруун гараа өргөцгөөн ёслов.
Санамсаргүй ингэж найртай болсонд Гахан омгийн олон цөм баярлалдан бүгдээр хуримлан хэдэн түүдэг гал өрдөж гал тойрон хатирах наадам хийж шөнөжин бүжив.
Увачаан омгийн хэл аялгуу нь ойн эмсийн аялгуутай нийлэх зүйл үлэмж байсан ойн эмс Увачаан тэсгэлгүй баярлалдаж хурим найр бүжиг дуу маш хөгжилтэй болж хоёр өөр омогтон харилцан найртай болсон нь Чонос Шонхолойн ач гэж тэсгэлгүй элэгсэв.
Чингээд өглөөний өөд улаан нарнаар Гахан омгийн нэгэн өтгөс санаа дэвшүүлж хоёр омог үүрд найртай болсон баярт намрын тахь авладаг энэ ханан хаданд бэлэгтэй зураг зурж хамт авлан хуримлаж ёсолсуу гэхэд бүгд баярлалдан зөвшөөж тэр өтгөс уран хүн тул тахийн өөх том хоршиж нухсан зосоор ханан хаданд олон тахь хөөж яваа анчин дүрслээд, нум сумтай таван хүн зуралцсан нь Шонхолой тэргүүтэй таван харваачин анх ирж Гахан омгийн хүнийг нум сумтай болгосныг үүрдийн дурсгал болгож өөх тосоор зургийг мялаан ёслож бүгдээрээ Шонхолой нарыг маш найрсгаар үдэн ёслож завинд нь тахийн махнаас хийж алсын замд ерөөн явууллаа.


Top
   
PostPosted: Oct.15.16 8:12 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4813
Location: зогсолтгүй..
хүлээж байсан болохоор гялс уншчлаа хэхэ

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Oct.17.16 10:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5259
duusah dohoj bna uu? duusahaar saihan printerlej bgaad unshnaa.


Top
   
PostPosted: Oct.18.16 12:47 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хорин есдүгээр бөлөг

НАРАН ХИРТСЭН НЬ

Их мөрөн өгсөж, нилээд олон хоног явтал нэгэн өдөр уудам цагаан тал хаашаа л харвал намрын хагд цагаалж халиуран алс хол тахь зээр, хааяа хааяа хоёр эвэрт хирис, сүрэг арслан заан үзэгдэх боллоо.
Аянчны олонх нь явгалан аялж яваа бөгөөд зам гудас жимс мэхээр зэргийг түүж, хоолны хийцэнд зориулан алсын бараа харж намрын шар наранд таатайхан явтал, эрэг нь хажуухнаар нь өндөрсөж нөгөө талын эрэг нь нам болж ирлээ.
Шонхолой өглөөнөөс завиа хатган жолоодож явсан тул баахан явгалан явж гараа амраасуу гээд ойн эмсийн нэг чийргийг нь завиндаа суулгаж бусдыг нь хамт явгалан явж улам өндөр болж байгаа эргийн өөд аажуухан алхацгаатал, хүн шуугилдах чимээ гарсанд бүгдээрээ чих талбин тэр зүг харваас жад бороохойтой нилээд олон хүн тэр өндөр эргийн таг тавцан дээр үзэгдэн гарч ирлээ.
Гурын арьс нөмөрсөн хоёр хүн толгой дээрээ бор гөрөөсний арьс эвэртэй нь өвчиж хийсэн малгайтай бололтой, цовхчин бүжиж нэг тал хэнгэрэг шиг юм түн түн цохилон хоёул тэр хэнгэргийн цохилт хөлөө нийлүүлэн үсэрсээр гарч ирлээ.
Чингээд хоёр талаасаа бие биеэ үзэцгээж нэг нь хэнгэргийн цохилтод хөлөө нийлүүлэн юм хашгиран дуудаж буй мэт.
- Энэ арзайсан олон хүн нэгэнт биднийг үзсэнээс хойш ухран зайлбал гэмтэй. Учран золгож л нэгийгээ үзэх ёстой боллоо гээд Шонхолой тэдний зүг зориглон алхлаа. Цаадуул ч аянчныг хараад нэг хэдэн хүн айсан дөхтөл хацартаа сорвитой нэгэн хүн тэдний дундаас Шонхолой нарыг ширтээд сочин гайхсан мэт зогслоо.
Шонхолой ч тэр хүнийг салаар уруудах үес тулалдсан хүний нэг нь мөн байна гэж таниад, Үхүү Гекүүгийн зүг харваас бас л хэдийн таньсан тул царайд зовних байдал мэдэгдэж Үхүү шивнэн өгүүлрүүн:
- Миний суманд харвуулсан хүн явж байна. Одоо яана "эд лав бидэнд өшөөтэй байх" гэхэд нь Шонхолой
- Эмээснээ мэдэгдэн хормой чичирснээ үзүүлбэл хэрэг биш болно. Зоригтой бай гээд урагш давшив. Ойн эмсийн эгчмэд бусдаа дагуулан, Шонхолойн хойноос жадаа атган алхтал тэр хацартаа сорвитой хүн нөхдийнхөө зүг нэг юм хэлээд бор гөрөөсний эвэртэй малгайт хоёр хүний зүг гүйн одлоо. Шонхолой нум сумаа барин, нөгөө дөрвөн харваачнаа нум сумаа намайг харвахад хүрвэл шүүрэн авч харваарай. Наана нь болохгүй айж эмээсэн байдал яасан ч гаргаж болохгүй гэхэд ойн эмс газар тэнгэр нийлсэн ч бид дуу алдаж ахын үг захианаас зөрөхгүй гэлээ. Аянчны өөдөөс чиглэн ирж яваа хэдэн хүн нөгөө хүнээ ирэхийг хүлээн зогстол Шонхолой годоль харвам газар хүрч очоод, зэмсгээ газар талбин найрсаг байдлыг үзүүлбээс, өнөөх олон дээрээ гүйн одсон хүн тэр эвэртэн дээрээ хүрч очоод наашаа дохин дохин дэвхцэж юм хэлж байгаа бололтой. Чингээд цаад олон нь тэр эвэртнээр удирдуулан жад бороохойгоо далайн далайн наашаа яаран алхлаа. Наана нь тосон зогссон хүмүүс тэндээ хүрч ирэхийг хүлгэлзэн зогсож байснаа аянчны зүг баахан дайсагнах байдалтай жад бороохойгоо дайран ороход зэхэн зогсов.
Шонхолой ч хэрэг биш болсныг үзээд, нум сумтай хүн цөм алдалгүй харвахад дохио өгмөгц бэлэн бай гэж захиад бүгдээрээ бас зогсов. Чингэж байтал эвэртэй малгайтай хоёр хүний дохиогоор жад бороохойтой олон хүн хашгиран дайрав. Годоль харвах газар гүйн ойртосхийж, Шонхолой нумаа барин зэхтэл гэнэт нар халхлагдаж эхлэх мэт боллоо. Дээшээ харваас тэнгэр маш цэлмэг нэг ч үүл байхгүй. Гэтэл нарны гэрэл бүдэг болж гялбам хурц гэрэлтэй нарны нэг захад хар сүүдэр мэт юм үзэгдэж, дайран орж явсан хүмүүс тэнгэрийн тэр үзэгдэлд хэлмэгдэн сочиж зог туссан өнөөх гөрөөсний эвэртэй хоёр удирдагчид нь ч тэсгэлгүй эмээсэн бололтой нэг нь тал хэнгэргээ сандран цохиж, нөгөө нь нарны зүг хандан юм дуудаж хашгирлаа. Наран улам гэрэл муутай болж агаараар нисэн хальж байсан элээ бүргэд хашин дуугарцгааж өргөн цагаан талын зүгээс ан амьтны эмээн сандарч заан хирисийн урхиран дуу нь дуулдлаа. Нарны мандал улам халхлагдсаар хүн амьтны царайн өнгө үнсэн хөх мэт тун хачин болж, орчин тойрны уул тал бас жигтэй өнгөтэй болж ирлээ. Өнөөх хашгиран дайрсан олон ч сандарцгаан тэвдсэндээ зарим нь сөгдөн нарны зүг гар сунган мөргөх аж, зарим нь зоомол чулуу шиг зогсон тэнгэр газрын өнгө сүртэй сонин болсонд эмээн айжээ. Ойн эмс сандран тэвдтэл Шонхолой та нар битгий ай. Бид айх ёсгүй. Манд халдсан дайсан айн сочиж байх тусам бид зоригтой зүрхтэй байж тэдний адил эмээн цочих байдал огт үзүүлж болохгүй гэж тайтгаруулахад Шонхолойн байдал нэн тавиун үг дуу нь хүний зориг сэргээмээр тогтуун сайхан тул ойн эмс зориг орж сэтгэл дотор нь уужирлаа. Тэр завсар нарны мандлын даруй нэгэн дундуур нь хар сүүдэр мэт юманд халхлагдан цагаан талын зүгээс айж хэлмэгдсэн ан амьтны дуу чимээ улам их боллоо. Өнөөх гурын эвэртэй малгайтан ч нэн нэгдэж хэнгэргээ хаяад дэмий л сөхрөн мөргөж бусад нь тэдний нэгэн адил сөгдөцгөөн ам амандаа юм хашгирах ажээ.
Тэднийг дайран довтлоход тун ч амархан дээрээ хүрээд ирсэнд ойн эмс зориг орж Шонхолойг энэхэн завсар дайснаа дайран дарцгаая гэхэд нь Шонхолой хориглож дэмий алалдаад яахав. Айж эмээхгүй байдлаа тэдэнд үзүүлбээс манаас тэсгэлгүй эмээх болно гээд аажуухнаар урагш давшлаа. Ойн эмс хойноос нь даган нарны мандалд халхлагдан дэлхийн өнгө байдал ч нэн сүртэй, аягүй болоод жихүүн салхи сэнгэнэн сэрүүн хүйтэн амьсгалтай болж ирлээ. Чингээд нарны гэрэл улам бүдэг болсоор огторгуйд олон одон жарав жирэв гялалзсанд цагаан талын зүгээс үй олон ан амьтны сандарсан дуу бүр ч их болж аянчныг дайран халдах гэж явсан олны машид айн мэгдэж мэгдэн хашгирах чимээ нь орчин тойрны шуугиан чимээ дээр улам ч чимээ нэмэгдэж ирлээ. Дайсагнан халдах санаа нь хэдий нь үгүй болж Шонхолой нарын айван тайван байгааг хараад, гурын арьсан өмсгөлт эвэртэй малгай багтан хоёр хүн яаран урагш давшиж чичрэн дагжин Шонхолойн өмнө сөгдтөл, нар бүрнээ хиртэж гэгээн цагаан өдөр байснаа гэнэт хав харанхуй шөнө болж талын олон ан амьтан цочин эмээж шуугилдах нь улам ч их болж ирсэнд Шонхолойн нөхөд мөн айсан боловч ахлан тэргүүлсэн хүн нэгэнт битгий айсан байдлаа мэдэгдэж сандар гэж захин сануулсныг нь бодоцгоон Шонхолойг тойрон нэг нь мөрөн дээр гараа тавиад бусад нь дам дамаа бие биеэсээ барилцаж Шонхолойн чимээгүй байхад хатуужин зогсож байлаа. Наран бүрмөсөн хиртэхийн өмнөхөн хоёр тэргүүлсэн хүнээ даган ухасхийж ард нь сөгдөцгөөсөн өнөөх халдах гэж сүр бадруулж байсан ястан цөмөөрөө амь наана гэж тэргүүлэгчээ даган бархиралдаж нэн ч бачимдав. Огторгуйд нарны мандал голдоо төгрөг хар, тойрон дөлтсөн байдалтай нэн аймаар сүртэй харагдаж байсаар аажуухнаар нэг захаасаа гэрэл харван маш харанхуйд гэгээ тусах мэт болж урхирах бархирах чимээн дундуур баярлалдан хашгирах дуу гарч эмээн сүрдсэн тэр үл таних аймгийн хүмүүс эвэртэй багтай хоёр тэргүүлэгч нь цөмөөрөө Шонхолойн зүг дохин мөргөж ам амандаа юм шулганалдан ойн эмс ч баярлалдан Шонхолойгоо огторгуйн наран халхалж дайсныг сүрдүүлэх чадалтан хүн юм байна. Дайсны сүрдэн айж, гуйн мөргөхөд нь нар халхалснаа тавьж байна гэж үнэн голоосоо итгэцгээн Үхүү Гекүү хоёр ч бас Шонхолойг айхтас чадалтан хүн юм байна гэж маш бишрэн бахадсан байдалтай зогсож байхад нөгөө халдан довтлох гэж байгаад наран хиртэхэд айн сүрдсэн омгийн хүмүүс ч Шонхолойн нөхдийг огт ажиггүй ард нь зогсоцгоон царайд ялгуусан баярын шинж тодрон буйг нарны гэрэл гэгээ нэмэгдэн буй сонин хачин өнгөт бараг сүүдэр сүүмэлзэн жихүүн салхи сэнгэнэн буй үес ажин харж барьсан жад шийдмээ хэдийн хаяцгааж сөхөрцгөөн дохиж байхад Шонхолой нарны мандал цухуйж хар сүүдэр нүүн зайлж байгааг дагуулан гараараа занган дохисонд суллан тавьж байна гэж ухаараад дэвхцэн баярлалдаж өргөн талд ан амьтны сандран урхирах, буйлах, улих, мөөрөх, чимээ ч намдан нарны мандал улам улам тодорсоор хүйтэн салхи сэнгэнэхээ ч байж дахин цэлмэг тунгалаг сайхан өдөр боллоо. Шонхолойн зүг мөргөн юм тамлан дуудаж байгаа нөгөө эвэрт багтын хоёр хүний үг хэл нь огт мэдэгдэхгүй боловч, Шонхолой тэднийг хэлдэг дууддаг юмаа гүйцээн чимээгүй болсонд өндөр дуугаар эхлээд баахан зандрах байдалтай сүүлд нь дууныхаа өнгийг найрсаг эелдэг болгон,
Хамаагүй хүнийг
Халдан дайрдаг
Хүчээрээ түрэн
Хүнийг довтолдогоо
Тэвчин аяд аа!
Эцгийн олон
Эв нэгтэй
Эхийн олон
Элэг нэгтэй
Эсэн мэнд
Энх жаргацгаая!
гэхэд нь хэлийг нь эс нэвтрэвч анхандаа буруушаагаад сүүлдээ лав л өршөөн хэлтрүүлэх шиг болоо гэж ухаарч дохиогоор босоцгоогоод эвэртэй багт нэг удирдагчийн үгээр хэдэн хүн гэдэргээ гүйн буцаад удалгүй нэгэн зээрийн мах тахийн өрөөлийн хамт авчраад Шонхолойн хөлийн өмнө тавилаа. Чингээд Шонхолой нарыг завинд нь хүртэл үдэж ус өгсөн явахад нь дохин ёсолж хоцорлоо. Залуудай эцгийн дэргэд зогсоод эргийн дагуу хатгаж завиа ус өгсүүлэн явах зуур,
- Нар халхлагдан харагдахгүй болоход бид маш их айлаа. Та огт зовохгүй байсан учир юу билээ? Дайсныг айн сүрдүүлэх гэж зориуд нар халхлав уу? гэж асуутал Шонхолой,
- Нар чухам яагаад тийм болдгийн учрыг би мэдэхгүй. Сар шингэхийг би үзсэн өмнө газар явахдаа нэгэн удаа нар ийм болдгийг үзсэн тул удахгүй дахин урьдын хэвээр болдгийг мэддэг боллоо. Тэгээд айж эмээхгүй, харин ч халдан довтолсон байдлыг сүрдүүлж манд маш завшаантай гэж бодож байлаа. Эс тийм тохиол учирваас бид хүн цөөн дийлэхийг мэдэхгүй хэцүү байдалд орсон байлаа шүү. Хүү минь юу юуны өмнө санамсаргүй тохиосон бэрх байдалд айж сандран тэвдэхгүй зоригтой самбаатай байвал таардгийг хожим хойшид марталгүйгээр бодон хичээж яваарай гэсэнд Залуудай тэр эцгийн захиа сургаалийг хичээнгүйлэн сонслоо. Чингээд асууруун:
- Аав, та тэднийг манай үг нэвтрэлцэхгүйг мэдсээр атлаа тэдэнд үг хэлсэн учир юу билээ? гэхэд хүний дууны өнгө буруушаасан зүхсэн байдлыг хүн байтугай адгуус ч мэдэж, буруу юм хийсэн бол гэмээ мэддэг тул буруугаа мэдээд тэдэнд муу санахгүй, өшөө өвөрлөхгүй гэсэн байдлыг бас дууны өнгөөр мэдэх тул өөр өнгө хэлтэй ч гэсэн учир бий юм шүү гээд хүүгийн гараас хатгадаг модыг нь авч сэлбэн хатгалаа.


Top
   
PostPosted: Oct.18.16 12:49 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Одоо 2-хон бөлөг ороод дууслаа


Top
   
PostPosted: Oct.18.16 2:48 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Гучдугаар бөлөг

ЦАСАН ШУУРГА

Цаашлан аялсаар их мөрөнд цутган орсон нэгэн том гол тохиолдсонд Шонхолой зосоор тоймлон зурсан их мөрний хоёр талаас цутган орсон олон гол бүхнийг тэмдэглэнгээ байцаан шалгаж, газрын байр байдал нь уруудан ирсэн гол мөн болох тул тэр цутгалан голоор өгсөж явтал, тэнгэр бүрхэг шувуу булжуухайн болон ан амьтны байдлыг ажваас, тэнгэр муухай болж, цас шуурга зөгнөсөн шинжтэй болж ирлээ. Шонхолой тэр байдлыг ажин, баахан санаа зовнисхийж, эргийн байдлыг харж явсаар нэгэн газар завиа залан,
- Одоо энэ хавьд эртхэн бууя. Тэнгэрийн байдал нэг л биш боллоо. Шувуу гөрөөс лав л цасан шуурга зөгнөж байх шиг байна. Түлш базааж, завиа татан гаргаж цас шуурганаас хоргодох арга бодож үзсүү хэмээн эргийн ойр нэгэн хадны нөмөрт хоёр завиа хөмөргөн чулуу мод эвээд гурван талаас хаяаг нь манаад ойн эмсийн хоргодох газар засаж, хаданд мод налуулан түшүүлж бургас мөчрөөр хучаад салхинаас хамгаалан чулуугаар даруулаад түлш базаалгаж бэлдүүлж байтал тэнгэрийн байдал ч бүр муухай болж эхлэв. Түлээ түүж байсан ойн эмс ууланд ганц нэгэн хүн үзэгдэж шугуй бургасан дунд бас хүний бараа мөр дайралдсаныг хэлж ирсэнд Шонхолой ойн эмсийн сэтгэлийг засаж манд халдахгүй бизээ. Тэнгэр ийм муухай болж байхад аягүйдвэл бидний энд хүрч ирэн цас шуурганаас амь хоргодох юуны магад. Идэх уух юмаа эртхэн хийж амжилтай хэмээн гал түлж хоолоо хийгээд дөнгөж идэж гүйцтэл салхи хөдлөөд цас лавсан орж эхэллээ. Чингээд шуугинан хуйлрах салхины хүч улам ч ширүүн болж хад чулуунд салхины чимээ маш их болсоор, цас орох нь бас их болж нүдгүй шуурга тавилаа. Завинд бэлгийн бэлэн дулаан хувцасны дээр ойн эмсийн завсар чөлөөндөө зам гудас агнасан зээрийн арьсаар хийсэн хувцас буйг цөмөөрөө хэдийн өмссөн тул эртлэн завдаж цас салхинаас хоргодох газартаа зарим нь завь дор зарим нь ханан хад түшүүлэн босгосон хорго дотроо орж, бургасны мөчир, хөвд, ангийн арьс дэвссэн дэвсгэр дээрээ хэвтэцгээн тэр ширүүн цас шуурга өнгөрөхийг гэдэс цатгалан мөр удаан хүлээн хэвтэв.
Залуудай эцгийн дэргэд хэвтээд гаднах салхи шуургын чимээ чагнан байтал, цас ихээр унаж, завь нь цасанд дарагдаад зүүрмэглэн хэвттэл чих дадсан салхи шуурганы шуугинах чимээн дундуур ямархан нэгэн хүүхэд эмэгтэй хүн хоёрын уйлах чимээ үе үе дуулдах шиг.
Түүнийг нойр дундаа чагнан хэвтэж нэг ойртосхийн нэг холдосхийн дуулдаж байтал, зэргэлдээ ойн эмсийн хоргодон хэвтэж байгаа саравчлан барьсан хорго өмбөл дотроо эмэгтэйчүүдийн дуугаралцах чимээ дуулдахад нүд нээвээс хаяа манасан зөвийн дор харанхуй тул хажуудаа байсан нум сумаа тэмтэртэл Шонхолой хүүгээ:
- Хэвтээд бай, манай ойн эмсийн өмбөлд нэг хүүхэдтэй эм орж ирсэн бололтой. Түлшээ ханан хаданд түшүүлсэн дор бас нэг хүн, салхи цаснаар хоргодон орлоо. Бодвол, тэр хүүхэдтэй эмийн нөхөр садан нь юм байлгүй дээ. Бидэн дээр орж ирэхээсээ эмээн төвөгшөөсөн байж болно. Салхи шуурга тогтоход нүүр нүүрээ харалцана даа. Хэвтэж бай хүү минь. Санаа битгий зов гэхэд эцгийн тэр тайтгаруулах үг сонсоод дэргэд нь хэвтэж байхдаа юу юунаас аймгүй сайхан бодогдож хэвтсээр бөх гэгч нь унтжээ. Хичнээн болтол унтсаныг мэдэхгүй, нэг сэрэхнээ нойтон цас унах мэт чимээ гарч гаднаас гэрэл орох мэт болсонд нүдээ нээвээс, цас арилган хаяаг нээсэн тул үдийн нарны гэрэл тусч сэрүүн амьсгал сэнгэнэх ажээ. Гадагш гарваас нүд гялбам цагаан цас уул шугуй хөндий тал бүрхэж их цасанд улиас, бургас, бөхийн дарагдаж, зарим мод нойтон цас даасангүй хуга нуга дарагджээ. Ойн эмс, Шонхолойн Залуудайн чимээ сонсоцгоож нөгөө завийн дороос Үхүү, Гекүү үл таних эмэгтэйн жаал хүүхдээ дагуулан гарч ирсэн нь ширэлдэн дайхарсан үстэй бөгөөд хувцас уранхай навтас болсон гурын арьс, царай эцэнгэр жигтэйхэн халтар, хүүхэд нь танихгүй эрчүүдийг үзээд эхийн хормойгоос барин нүүрээ халхлан зогсжээ. Чингээд ийг тийш нүд гялбан анисхийн хараад эхээсээ
-Аав маань хаа байна? гэж асуутал ханан хаданд түшүүлсэн бөгөөд цасанд хучигдан дарагдсан бургас түлээн дороос нэг хүрэн бор царайтай намхан хүн нар туссан цасны гэрэл туяанд онигор нүдээ гялбан анивчилж гарч ирээд олон хүнээс баахан эмээсхийсэн байдалтай зогстол жаал хүүхэд, эцгийгээ үзээд халтар нүүрт нь баярын шинж тодрон нүд нь гялалзав. Түлээний цаанаас гарч ирсэн тэр хүн Шонхолойг ахмад нь юм байна гэж гадарлаад бид нүдгүй шуурганд сандрахдаа танай энд хоргодлоо.
Та нарын энд бууж шуурганаас өмнө отог буудлаа засахыг бургас модон дотроос харсан боловч зүрхэлж ойртсонгүй цас шуурга ихдэхэд аргагүй манай энэ хоёр танай эмэгтэйчүүдийн тэнд зүрхлэн очиж хоргодлоо. Би та нар дээр орохыг зүрхэлсэнгүй түлээн дор чинь орж хонолоо. Манайхны бас хоёр нэгэн хүн энэ хавиар байх ёстой. Би тэднийг дуудвал, та нар уурлахгүй болов уу? гэхэд Шонхолой:
- Хаанаас бид уурлахав? Дууд дууд! Бүгдээрээ нийлж хоол унд хийе гэхэд нь тэр хүн баярлаж, бие эцэнгэр намхан атал дуу нь сүрхий. Маш өндөр дуугаар хэд гуугалан дуудахад алсаас хариу дуу дуулдаж удалгүй гялалзсан цастай хөндийд хоёр хүн айсах нь үзэгдлээ.
- Манайхан гэж түлээн дотроос гарсан намхан хүн баярлан өгүүлээд Шонхолойгоос та аль газрын хүн хаашаа явж байна? гэж зүрх орон асуусанд Шонхолой:
- Бид хэдэн омгийн хүн нийлээд явж байна. Эндхийн хүн биш алс холын улс. Би Чоносын Шонхолой. Энэ миний хүү Залуудай. Бусад нь замд нийлсэн манай нөхөд, чиний нэр хэн бэ? гэхэд тэр хүн аялгуу баахан өөр боловч төлөв мэдэгдэх бөгөөд хариу өгүүлрүүн:
- Бид Хурдантуур гэдэг Тэх ястан. Тэр айсаж яваа хүн бас манай эхнэр. Энэ миний хүү Инзага эх нь Улар гэдэг нэртэй. Бид хэдүүл зүдэрсэн ядарсан амьтан. Ах минь буданд хадруулаад хоцорсноос хойш одоо огторгуйн сар хоёр үзэгдэж байна. Ахын эмийг хүн гөрөөс бидэнд халдаж булаан аваачаад, бид яаж ч чадсангүй. Бас манай тэхийн нэг сайн хүн, махчинд баригдаж үгүй болсоор гурав бас нэг хоног болж байна. Үлдсэн хэдэн өөдгүй бид амь зулбасаар энд хүрч ирээд, бид гурав бас нэг наашаа айсаж байгаа хоёр л манай тэхээс байгаа хүн болно. Бусад тэх хүн хаана явж байгааг мэдэхгүй. Бугын орооны цагт тэх хүн цуглардаг ууланд махчин орж ирсэн тул бид нийлэн цуглах газраа алдаад талын нэг хоёроор тарчихлаа гэхэд нөгөө хоёр хүн хүрч ирээд Хурдантуурыг айван тайван байж байгаад зоригшиж байгаа, эцэж зүдсэн царайд нь баярын шинж тодорлоо.
Залуудай тэдний ядуу зүдүү эцэн зүдэрсэн байдал, зарим бороохой галд үзүүрийг нь түлж шорлосон жадыг нь үзээд өрөвдөн хавчаахай нум, хатуу чулуун сүхээ харахдаа тэдний дэргэд давтагдашгүй зэр зэвсэгтэйгээ бахархлаа.
Шинэ ирсэн хоёр хүн ч Шонхолой нарын дулаан хувцастай чулуун гилбэртэй жад, сүрхий сүх бас үл таних бөгөөд хавирга мэт матигар сонин зэвсэгтэйг гайхан харж байв. Тэр завсар Үхүү Гекүү хоёр хавтгай чулуугаа дарж далдалсан мах идшээ гаргаж эмэгтэйчүүд түлээгээ авчран гал түлэхэд бэлдсэнд Хурдантуур туслалцах гэж түлээний өмнө явган суугаад бүснээсээ нэг уутанд хийн зүүсэн галын хоёр мод гаргаж хоёр алган хоорондоо эрчлэн эргүүлээд утаа уугилан шүүтэй хөвд мэтийг хэрэглэж гал асаасанд Шонхолой түүнийг сонирхон харж Залуудай арай цахиур хавирахаас удаан юм байна гэж Хурдантуурын дэргэд явган сууж харваас Хурдантуур чингэж сонирхуулсандаа баярлан,
- Манай тэх хүн ингэж гал асаадаг гэж бахархан өгүүллээ. Тэр завсар Үхүү Гекүү хоёр хөлдөсхийсэн махаа эвдэж бас хэдэн том тул гаргаж, чулуун хутгаар зорж хөлдүү зууш хийж, мах шарах галд халаасан хавтгай чулуунд хавчин болгохын хооронд өл залган идэх юм ойн эмсийн хамт бэлдэцгээн дүржигнэтэл ассан галаа тойрон бүгдээрээ идэцгээхэд, өлсөж ядарсан Тэх нарын идэх нь ч тун их. Царайд нь өнгө орж галын халуун нөлөөнд дулаацан бие сэтгэл амарсан байдалтай суув.
Янзага, хоолонд цадаад, галд дулаацаад, эхийнхээ өвөр дээр нэг их жаргасан царайтай. Эх нь хүүгээ тэврэн аман дотроо:
Бөн бөн туулай,
Бүжинхэн туулай
Хаагуур харайжээ
Яагуур үсэрчээ
Бөн бөн бөмбөрчээ
Бөндгөр туулай
Болдог билээ чи
Бөн бөн туулай
Хадаар яваасуу
Модоор яваасуу
Харцага шүүрнэ л
Могой сорно л
Эргээр яваасуу
Элээ шүүрнэ л
Бүжинхэн туулай
Бөн бөн туулай
Хаагуур харайжээ
Яагуур үсэрчээ
Бөн бөн бөмбөрчээ
Болдог билээ чи
Бөндөр туулай
Бөн бөн туулай
гэж аяархан дуулахад нь Залуудай Булжуухай эмээгийнхээ өвөр дээр өрх гэрийнхээ галын хажууд эвтэйхэн таатайхан хэвтээд бүүвэйлэн аяархан дуулдгийг санаад, өрх гэр нь нүдэнд үзэгдэх шиг боллоо.


Top
   
PostPosted: Oct.18.16 4:27 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Гучин нэгдүгээр бөлөг

НУТАГ УСАНДАА ХҮРЛЭЭ

Тэх Хурдантуур нөхөдтэйгөө Чонос Шонхолойн өргөн цээж, өндөр суганд түшнэ гэж нэгэн сэтгэлээр тогтож, Шонхолойтон, хүн бүл нэмэгдэн аялж Гекүү хурц хар нүдтэй Бияа охинд чадлаа гаргаж нум сум хийж өгөөд замын уртад харван сургасан авъяаст сэргэлэн охин хэнээс ч дутуугүй харваач болоод Шонхолойгоор удирдуулсан аяны эрчүүд цөм яваандаа нум сумтай болцгоож ойн эмсийн ихэнх нь бас харван сурцгаан хурдан зэвсэгт болсон учир ан амьтан агнах араатнаас амь биеэ хаацайлахад, санаа хүчин нийлсэн бөгөөд хашир сэцэн Шонхолойгоор ах зах болгосон аянчин хоол ундаар дутааж гачигдалгүй хир баргийн дайсан эсэргүүцлийг нум сумын давуу чадлаар биедээ халган хавьтуулахгүй аялан явсаар нутаг усандаа нилээд ойртлоо. Цаг ч улам улам сэрүүн болж өдөр ч улам богинослоо. Голын хоёр захаар мөс хацарлан хөлдөж, завиар явахад төвөгтэй болоод, бас хүн бүл нэмэгдсэн тул, бүгдээрээ явгалан явах боллоо.
Нэгэн өдөр Үхүү Гекүү хоёр Хурдантууртай гурвуулаа гөрөөнөөс отог дээрээ буцаж ирэхдээ бугын мах үүрэн хүрч ирсэн нь баахан санаа зовиуртай, Шонхолойд яаран мэдэгдсэн нь буга харван гурвуул нэгэн зэрэг сум тавьж тураг анг нь унагасанд ойртон очиж үзвээс дөрвөн сум оносон байлаа. Гурван сумаа таниад авахад нэг сум огт танигдахгүй бөгөөд шархын цус нөжирсөн байдлыг үзвэл, өөр ямар нэгэн анчин тэр бугыг харваад дутаалган алдсан байжээ. Шонхолой тэргүүтэй бүгдээрээ тэр үл таних анчны сумыг дамжуулан үзэж бугын хавирган завсар туссан тэр сумын ором шархыг ажин нягталж энэ хавьд ер нум сумтай хүн баймаар үгүй юмсан. Ямар гэгчийн улс омог тийм зэмсэгтэй болж энүүгээр үзэгддэг болов! гэж Шонхолой зовнисхийн гайхав. Залуудайгаас бусад хүн цөм Бай кул одох буцах замд нийлсэн тул энэ газар явж үзээгүй анх удаа явж энэ тухай мэдэх зүйлгүй учир хавь ойр газар огт үзэгддэггүй нум сум чухам хэн хэрэглэх болов? гэж Шонхолой баахан гайхлаа.
Чингээд Үхүү Гекүү Хурдантуур гурваас хүний мөр бараа дайралдав уу? гэж асууваас ер тийм зүйл эс үзэгдэв хэмээн өчлөө.
Ойн эмс тэх нар хоёр Хумка цөм Чонос Шонхолойг итгэн дадсан нь хүүхэд эцэгтээ түшиж дэргэд нь юунаас ч айхгүй айван тайван байдаг лугаа адил, Шонхолой ахын дэргэд байгаа цагт, ямар ч нум сумтан үл таних отог омгоос айх зүйлгүй тэр байтугай бэрх юмнаас даван гарч байсан удаатай гэж Үхүү Гекүүд, Хурдантуур гурав Шонхолой ахдаа гайхан сэжиглэснээ хэлээд хойчийн холбогдол ямар болох тухай санаа зоволтгүй болж, ойн эмсийн хамт нийлэн хоолоо хийж эхэллээ. Бияа нэг охинтой гөрөөнд явснаа бас нэг бор гөрөөс харван унагаж хоёул дамнан хүрч ирээд гажиг сэжиг бүхий юм огт дайралдсангүй. Аймаар араатны ул мөр ч үзэгдсэнгүй. Баавгайн нэг хуучин мөр л дайралдсан гэж хэлж ирсэнд Шонхолой юу ч болсон нумтай анчин энэ хавьд хүрч ирээгүй юм бололтой гэж бодовч, хоногийн газрын сонгон өөрчлөн араас халдахгүй ханан хадны ёроолд өврөөс халдахгүй тэгш газарт хүн мөлхөн ойртож болох бут сөөгийг түлшиндээ түүлгэн зайлуулаад, ханан хадны нөмөрт хоног буудлаа эртхэн засуулж авлаа. Ханан хадны элгэн дэх нэг аятайхан тавцан дээр хоёр хүн хэвтэх зайтай газар бургасны нарийн мөчир, өвс хагд дэвсүүлж, дээр нь ангийн арьс дэлгүүлж шөнө даан алсын зүг ажин манах хоёр хүний хэвтэх хэвтэр засуулан Гекүү Хурдантуур хоёроор бусдыг унтсаны сүүлээр ээлжлэн унтаж манан хонохоор болгож нум сумтай үл таних омогтны гэнэт халдахаас цагдуулахаар боллоо.
Гал тойрон сууж, эмэгтэйчүүдийн хийж байгаа халуун бүлээн ундаанаас ууж суутал, Залуудай өрх гэрээ сахидаг анч нохойгоо санаад,
- Нохойноосоо нэгийг ч дагуулж явбал бидэнд санаа амар, соргог манаа юмсанжээ гэхэд нь Хурдантуур асууруун:
- Хээрийн нохой яаж хүний манаа болдон юм бэ? гэж Тэх нар тэжээдэг нохойгүй тул гайхжээ.
Нохойг хүн гал голомт манах заяатай юм гэж урьдын улс хэлэлцдэг асан гэж Шонхолойн хариулахад Үхүү сонирхож, шөнийн уртад ах та бидэнд тэр домгоо хэлж өгнө үү? гэлээ.
Шонхолой гал сэргээн засаад арслан зааны шүүжний хонхроор хийсэн аяганаасаа халуун унд нэг балгаад
- За би та нарт урьдын улсын хуучны домгийг хэлж өгсүү. Манай Чонос омгийн дээдсийн хэлэлцдэг нь: дээд тэнгэр нартын амьтан олныг бий болгоод хамгийн сүүлд хүнийг заяасан юм гэдэг. Эр эм хоёр хүнийг бүтээгээд бас нохойг эзэн чинь энэ хоёр болох юм. Гал голомтыг нь сахин манаж байх чамд үс хэрэггүй галын дэргэд дулаан бүлээн хэвтэх тул чамайг нүцгэн болголоо. Энэ хоёр эзэн хүн чинь амь зуух гөрөө хийх, жимс идээ түүх гэж хонон өнжин явах тул хүйтнээс хамгаалж сахлаг үстэй болголоо. Энэ хоёр эзний чинь.
Би юм идээд ирсэн хойноо энэ хоёрыг чинь амилж өгнө. Эзэн чинь болох энэ хоёроо чи миний эзгүй хойгуур сахихын сайнаар сахиж, бузар муу буг булай, юм битгий ойртуул гээд яваад өгчээ. Тэр завсар муу зүгийн бузар буг юм ирээд нохойноос энэ хоёр чинь ямар амьтан болох гэж байгаа юм бэ? Би нэг сонирхон үзээд орхивол яана? гэж гэхэд нохой:
- Энэ хоёр бол миний эзэн болох заяатай хүн гээч дээ. Заяадаг тэнгэр нь идээ ундандаа яваад намайг эзэн болох хүнээ сахин манаж, муу муухай бузах юм битгий ойртуул гэж захиад явсан билээ.
Чи холдож зайл. Би зуудаш, урж тасаддаг шүдэрхэг, идэрхэн манаа шүү гэхэд нь тэр булай буг нохойгоос:
- Өнөөх тэр сүрхий заяадаг тэнгэр чинь өөрөө идэх уух гээд яваад өгөхдөө чамд идэх уух юм өгсөн үү, хоосон нойтноор мануулж байгаа хэрэг үү? гэж асуухад нохой гэнэн тул,
- Үгүй би амьтай болсоор амандаа юм амсаагүй хэлэн дээрээ юм тавьж үзээгүй! гэлээ.
Өнөө булай буг инээж гэнэн сэтгэлтэй нохойд идэх мах өгсөнд, нохой тэсгэлгүй баярлаад цадталаа иджээ. Тэгээд өнөө булай буг нохойг:
- Би тэр эзэн болох амьны чинь нэг ажиж үзсүү гэхэд нохой, намайг амьтай болгосон цагаас амсаагүй юмыг амсуулсан энүүнийг одоо яаж үгүй гэхэв. Үзэх дуртай бол үзээд бай. Би түр зайлаад өгсүү гэжээ.
Тэр самбаанд нь өнөөх булай буг, тэр амилаагүй хоёр хүний биен дээр нь зад шээгээд, за би үзэн сонирхлоо! гээд яваад өгчээ. Удалгүй өнөөх заяадаг тэнгэр хүрээд ирж, хоёр хүнийг амилах гэтэл булай бугийн үмхий самхай муухай шээсэнд бузартаж, их муухай үнэртэй болчихжээ. Нохойг дуудаад чи яагаад миний захисан үг дагасангүй, бузар булай бугт эзнээ бузарлуулав гэж загнахад нохой:
- Амьтан болсон цагаас хойш одоо хүртэл та надад юм амсуулаагүй, хоосон нойтон байлгасан мөртөө өөрөө юм идэх уух гээд яваад өгсөн билээ. Тэгтэл тэр булай буг гэдгийн чинь ачаар би гэдэс гарч, идээгүйгээ идэж, цадаагүйгээ цадаж авлаа. Танд л булай буг болохоос биш надад тэр чинь ачтай сайхан амьтан байж л! Эзэн болох хүний чинь үзэн сонирхсуу гэхэд нь үзэхэд нь үгүй болох, харахад хасагдах хорогдох юм биш үз дээ! гэж үзүүлсэн минь үнэн! гэж гэнэ. Тэнгэр хилэгнээд хутга гаргаж, булай бугийн шээстэй үсийг хусан арилгаж тэр бузар болсон үсий нь нохойд тохоод:
- Эзнээ булай бугт бузарлуулснаар чи одоо үүнээс хойш, түүнээс цааш энэ бузар үсий нь тохож босгыг нь алхах эрхгүй хаяанд нь хэвтэж, халуунд халж хүйтэнд даарч хэвтэх болно гэсэн юм гэж урьдын өвгөд өтгөс хэлдэг асан. Ийм домогтой юм даа! гэхэд нь бүгдээрээ сонирхон сонсоцгоолоо. Чингээд унтах цаг болсонд Шонхолой цаг орой боллоо. Унтах нь унтацгаая манаа хийх хүн манааныхаа газар очиж ээлжлэн манацгаая! Бүгдээрээ унтах газартаа очицгоон хэвтлээ.
Үүрээр Хурдантуур тавцан дээрээсээ бууж Шонхолойн дэргэд хүрч ирэн хоёр гурван газар чоно улих шиг болоод, сайн ажиглавал хүн юмуу? гэмээр санагдлаа. Тэгж байтал хэдэн хүн айсах мэт болсон тул Гекүүдээ захиад өөрөө сэм бууж нуун мөлхөж тэдгээр айсан буй хүнийг ажваас нум сумтай хүн айсаж буй тул яаран тэдэнд мэдэгдэлгүй ирж, ахад мэдэгдэж байна гэхэд нь Шонхолой яаран босоод бусдаа сэрээн үүрийн бүрэнхүйгээр цөм нум сум жадаа барьцгаан үл таних нум сумтны гэнэт халдахаас сэргийлтэл тэдгээр нумтан улс, Шонхолой нарыг нум сумгүй гэж бодсон бололтой, бүслэх байдалтай ойртсонд Шонхолой тэдний өөдөөс өндөр дуугаар:
Та нар юун улс вэ? гэж хашгирваас,
- Шонхолой! гэж нэг өтгөн дуутай чийрэг нумчин бархиран баярлаж, яаран урагш давшваас, Залуудай баярлан,
- Мазаалай ах байна гэж аавдаа хэлээд өөдөөс нь
- Би Залуудай байна гээд ухасхийхэд Мазаалай тэсгэлгүй баярлан өөдөөс нь гүйв. Бүслэн айсан байсан хүмүүс, Шонхолой, Залуудай, Мазаалай дуу сонсоод, баярлан хашгиралдаж, тэмцэлдэн гүйж ирээд тэврэлдэн санамсаргүй халууныхаа хүнтэй уулзсандаа Чоносууд маш хөгжилдөж, бүгдээрээ баяр хөөр боллоо. Мазаалай тэргүүтэй Чоносын нэгэн анчин өчигдөр үүрээр нэг буга харваад, халуун мөрөөр нь хөөж явтлаа, тэр буга нь хэдэн хүн үүрч явсан мөртэй дайралдаж, бүгдээрээ тэр мөрөөр нь хөөн, шөнө орой ханан хадны ёроолд гал түлдгийг хараад, манай буга авсан улс тэнд хонож байнам гэж үүрээр ойртон хүрч, бүслэн тойроод, дайсан аваас тулна гэж явсан учраа хэллээ.
Чингээд Чонос отгийн анчин цөм намрын анд гарснаа ярьцгаатал анч нохойгоо үл мэдэгдэх хүмүүст хуцан чимээ өгч мэдэгдэхээс болгоомжлон, хөтөлсөн хүн ч хүрэлцэн ирж, бүгд нийлэн анчны отог дээр хүрэлцэн, намрын ан хийж өвөлжөө өрхөндөө хам буцацгаахаар тогтлоо.
Нутаг усандаа хүрч ирээд халуун төрлийн хүнтэй учран золгосон Залуудай тэсгэлгүй баярлавч, алс хол Байкал их нуур далайн хөвөөнд үлдсэн нарийхан чилгэр, гоо сайхан Баргужингоо охин сэтгэлд нь орж, усны урт, замын холыг хожим туулж учрах цагийг бодон явахдаа, анх нутгаасаа гарсан гэнэн хонгор жаал байснаа, алсын хол аян замд араатан болон аюулт дайсантай учралцан тулалдаж, бэрхийг даван хал үзэж, хашир таньснаараа эрийн цээнд хүрч бие чиг чангарч, зориг ч хатан болж, мангина түүдэг жаал хүү байснаа махчин араатантай тулдаг анчин залуу боллоо гэж санахад нь сонихон бөгөөд, цэцэн мэргэн царайтай эцгийнхээ чийрэг биеийг бахархан харж, унасан газар угаасан ус ойртох тусам өргөн голын дэнж дээрх өрх гэртээ бушуухан хүрэх асан гэж сэтгэл нэн яаравч нөхдөө хаяад гүйж болохгүй. Бас ахмад хүний айван тайван алхаж явахад, бушуул гэж шаардан шавдаж болохгүй, эцэгтэйгээ зэрэгцэн дугай явлаа.
Хэмээсэн үүнийг 1965 оны намар төгсгөн бичлээ.




Заан Залуудайн энэ хоёрдугаар хэсгийг жаран таван оны долоон сард Хан уулын Их тэнгэрийн амнаа эхлээд, Чехословак улсын Карловы Вары гэдэг рашааны газар бие сувилуулах зуур үргэлжлэн бичсээр Баян-Өлгий аймгийн төв зочид буудалд есөн сарын хорин дөрвөнд гүйцээн бичлээ.
Маркс, Энгельсийн шинжлэлд хүн төрөлхтний нэн дээр эртний үеийг тун сайхан үгээр бадруулан дурдсан зүйлийг санан санан бодож манай уншигч нарт, манай дээд өвөг эцгэс чулуун зэвсгийн үеэс ямар шүү байсныг дүрслэн үзүүлбэл сонин юмсанж гэж цуврал романыхаа эхний эл эрт балрын чулуун зэвсгийн үеэс үүсгэж, үүрийн туяа гэдэг адагт нь хүртэлх хоорондхыг амжвал гүйцээх санаа бий.
Дээр эртний чулуун зэвсгийн үеийн тухай дэлхийн уран зохиолд роман тууж болгон бичсэн зүйл нэг их олон үгүй, Францын уран зохиолч Их Рон Жозеф гэдэг хүн "Галын тэмцэл", "Агуйн арслан" гэдэг хоёр тууж зохион бичсэн нь орос хэлнээ орчуулан гарсныг зөвлөлтийн дунд сургуульд суралцаж байх үеэс амтархан уншиж, Америкийн зохиолч Лондон Джекийн зохиолд бас "Адамаас өмнөх" гэж чулуун зэвсгийн үеийн тухай бичсэн нэгэн зүйлийг хорин найман онд Монгол болгох гэж оролдож байгаад гүйцээж чадаагүй хожим гүйцээх ч зав олдолгүй өнгөрсөн билээ. Чингээд "Шинэ толь" гэдэг сэтгүүл үүсгэн гаргах үеэс Монголын уншигч нарт сонирхуулах асан гэж Английн нэрт зохиолч Цэлс Хэр эртний "Угломи, Уяа хоёр" гэдэг балар эртний туужаас орчуулан нийтэлж байснаа гүйцээн гаргаж чадсангүй билээ. Миний олж сонирхон үзсэн балар эртний чулуун зэвсгийн тухай зохиолын зүйл бараг энэ хэдэн төдий бөгөөд, Их Ронийн "Галын тэмцэл", "Агуйн арслан" зэргийг үзээд хэдийгээр үйл явдлыг чадамгай зохиолч нар бичсэн тул, маш сонин мэт санагдавч ганц сонирхлыг голлоод цааш нь эрт балрын хүний аж байдал, соёл боловсрол, зан заншил, үзэл мэтэс ертөнцийг үзэх үзлийн хүрээ хэмжээ зэргийн байдлыг үзүүлэх гэж зорьсонгүй нь тэдгээр зохиолч нарын үед эртний судлал угсаатны судлал, ардын билиг зүй зэргийн судлал буюу хүн төрөлхтний олон аймаг угсаатны соёл, боловсрол, зан заншил, зан үйл, аман зохиол, жич эртний булш, агуй мэтээс эртний хүний үлдээсэн эдийн боловсрол түүхт зүйл Ази, Африк, Европ, Америк, Австралийн эрт өдгөөгийг олон угсаатан ястны соёл түүхийн зэрэг зүйлийг нарийвчлан судлах зав бололцоо ч гараагүй, эсвэл нэгийн зэрэг тууж бичихэд авдар шүүгээгээр ном уудлан судлах, эрэн сурвалжлах зав зай ч байхгүй зэргийн учраас гагцхүү уншигчийн сонирхол татах ямар нэгэн явдал, зодоо нүдээ, дайсагнах аймаг болон араатан, эмс охид булаалдсан элдэв сонин явдал төдийхнийг сэдэвлэн бичжээ.
Үүнд гагцхүү Зөвлөлтийн Леонтьев гэдэг нэгэн зохиолч "Чулуун номын хуудас" гэдэг мөнхүү эрт балрын хүний аж амьдралыг харуулсан тууж, Онег нуурын хавийн эртний хүний дурсгал, хад чулуун бичиг зэргийг эртний судлал, угсаатан судлалын зүйлтэй нийцүүлэн бодож зохион бичсэн нь надад миний урьд өмнө сонирхон үзсэн зохиолоос илүү нударгатай санагджээ.
Манай залуу орчуулагч нар тэр Леонтьевийн "Чулуун номын хуудас" гэдгийг монгол үгээр орчуулж уншигч олондоо сонирхуулбал бас л сайхан юмсанж. Чингэвэл чулуун зэвсгийн нийт хүн гэхэд газар газар, угсаа хэл өөр учир, тус тус өвөрмөц сонин байсан юм байна гэдгийг мэдэж авах хэрэгтэй юм санжээ.
"Заан Залуудай" тэргүүн хэсгийг хар бар бичин жилийн намар бичиж дуусгаад, дараачийн харагчин туулай жил 1963 он хэвлэлд шилжих үес хаврын тэргүүн сард оршил бичиж өгөөд 1964 оны хөх луу жилийн намар Зөвлөлт Украйны Трускавец гэдэг рашаан хотноо бие сувилуулах үеэс санамсаргүй, Леонтьевийн "Чулуун номын хуудас" гэдэг зохиолыг олж номын мухлагаас сонирхон аваад тэр туужийг дөчөөд жил боловсруулан бичсэн зохиолчийн арга барил минийхтэй төстэй болсонд нэн сонирхсон билээ. Ингэхэд миний бие "Заан Залуудай" өвгөд дээдсийг үзүүлэх гэж оролдсон тул орон газар, цаг үе, хэл байдал, үндэс гарал өөр болсон бөгөөд нийлэх нь гэвэл чулуун зэвсгийн тухай орчин үеийн шинжилгээний зохиол үзсэний хувьд миний бие ч тэр "Чулуун номын хуудас" гэгчийн зохиолч нь гэсэн тэр холбогдох зүйлээ олдсоны хэрээр үзсэн бололтой.


Top
   
PostPosted: Oct.19.16 1:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6067
Location: Энд
Баярлалаа :wd: :wd: . Сайхан ном шүү.

Үүрийн туяаг 10н жилд бхдаа уншсан санагдаж бна. Тэрнээс хойш уншаагүй юу гардгийг нь ч мартжээ. Харин Заан Залуудайг нилээн олон уншсан. Нээрээ л ийм бсан бх даа гэмээр их гоё сонирхолтой бичигдсэн.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.20.16 1:25 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Эртний чулуун зэвсэг гэдэг эртний чулуун зэвсэг буюу эртний чулуун үе, дундад чулуун үе, шинэ чулуун үе хэмээн ялган үзэх бөгөөд нарийвчлан задруулбаас дотор нь бас ялгах үе шат байдаг байна.
Энэ тухай би орос, чех, словак, герман, франц, англи, польш хэлээр чулуун зэвсгийн тухай судалсан зүйл эртний чулуун зэвсгийн хүний суурин булш, дархны газар зэргийн тухай шинжилсэн зүйл үзэж Зөвлөлт улс, Мажар улс, Чехословак улс, Энэтхэг улс, Дундад улсын музейн цуглуулгын зүйлийг сонирхон үзэхдээ "Заан Залуудай" гэдэг зохиолыг бичнэ гэж төслөн бодоогүй боловч монгол хэлний шинжлэл аман зохиол угсаатны судлал ардын билиг зүйн судлалд хэрэгтэй бөгөөд олон улсын эртний хүний соёл боловсрол зэргийн байдлыг танин мэдэх нь монгол хэл зүйн, монгол үгийн гарал, үгийн язгуур үндэс дагавар зэргийн утга учрыг судлан таниж мэдэхэд сэтгэхүйтэй холбоотой хэлний үгийн гарал үүслийг тэр бүх зүйлийн мэдлэгийн зүйлгүйгээр шинжин онож болохгүй тул монгол хэл үг сэтгэхүйн зүйлд гардаг зүйлийн бусад хэлтэн, өөр ёстон улс аймгийн хэл соёлд байгаа зүйлтэй харшуулан үзэхэд ямар байна гэж танин мэдэхүйн хэрэгцээгээр үзсээр монгол хэл бичигт буюу аман уламжлалд тайлбар олдохгүй аваас, бусад улсын гэрч баримтаас тайлбар нь гарах буюу бусад улсын бичиг судар, булш, хад чулууны бичиг олдцоос гарсан зүйлийн утга учир нь эс мэдэгдэх ину, даруй монгол хэл заншлаас тайлбар нь гарах жишээтэй зүйл үзэгдэх учиртай бөгөөд их л сонин сургамжтай санагдсаар монгол хэл зүйн угсаатны судлал ардын билиг зүй судалсаар ирсний улмаас дунд сургууль дээд сургууль хийж байх насан залуугийн үед сонирхон уншсан зүйлээ эргэцүүлэн бодсоор монголын эртний балар цаг эринээс эхлэн зохиол бичихэд хэрэглэх сэдэв хэрэглэгдэхүүн аяндаа гарч ирсний улсмаас "Заан Залуудай" гэдгийг бичих санаа төрсөн билээ. Тэгээд монгол хэл зүйн монгол хэлээ шинжлэх соёл ухааны үүднээс судлан таних гэж, хэл судлахад холбогдолтой утга соёл эдийн боловсрол түүхтэй холбогдох шинжлэл судлалыг үзсээр голлон зорьсон хэлнийхээ шинжлэлд хэрэглэх гэсэн бүх материал минь "Заан Залуудай " бичихэд гол зүйл болж өгсөн билээ.
Эртний хүний сэтгэхүй орчин тойрныхоо юмыг байгалийн түмэн үзэгдлийг хэрхэн үзэж, юу гэж тайлбарлаж байсан зэргийг хүн төрөлхтөн хамгийн эрт балрын шашинтан болох бөөгийн шашны ёс заншил, шүтлэг тахилга зэргийн зүйл нь надад их сонин олон юмны түлхүүр нь болж ардын аман зохиол билиг зүй зэргийн олон баримт байдлын учрыг тодорхой болгож аман зохиол угсаатны судлал, ардын билиг зүй хэлний шинжлэл зэргийг тусгайлан хэлний тухай түүн дотроо монгол хэлийг гол болгон Монголын төрөл түрэг хэлтэн, хамниган хэлтэн жич эл монгол, хамниган, түрэг гурван хэл буюу алтайн овог хэл гэдгийнхний хэл угсаатны судлал ардын билигзүй, уралын овог хэлтэн гэдэг мажар фин эстин болон слав герман угсааны мөн эл зүйлтэй хэлний шинжлэлийн үүднээс голлож судалснаараа жич монголын аман зохиол туульс бөөгийн дуудлага зан үйл тэргүүтнийг 1972 оноос "Заан Залуудай"-г бичиж эхэлсэн 1962 он хүртэл оролдсоор монголын хэл соёлын тухай судалгаа хийж цуглуулсан хэрэглэгдэхүүн маань "Заан Залуудай" гэдэг балар эртний түүхэн романыг бичихэд нэн хэрэг болсон.
Заан Залуудай гэх нэртэй хүн байгаагүй байж болно. Гэвч эрт цагт Монголчууд бидний өтгөс дээдэс байсан нь аргагүй үнэн болно. Хэл нь Заан Залуудай гэдэг романд гардгаас өөр байж болно. Байхаар барахгүй шал өмнөө хэл байсан байж болно. Наад захы нь хэлэхэд аргын улирлын он тоолдог ёсноос цаана эхлэн нэр гарсан хүн улсын хэлнээс их хол өмнөх үеийн хэл болох тул одооны уншигч хүнд тэр үеийн хэл байтугай жинхэнэ нууц товчооны үг дундад эртний монголын хэл аялгуу хүртэл сайн ойлгогдохгүй нокод, калавуд, кожи, улас, тутам, конши, уд, хюнши, үлас, тутам, хонши, уд, хюнистэлэ, табиба
Тийм учраас хааяа нэг үг тав хавийн аялгуунаас баахан өөр боловч хүн утгыг нь мэдэхээр байдалтайгаар: ураг элгийн ураг гэдгийг баруун манай ойрад монгол аялгуугаар Увс, Ховд, Баян-Өлгий монголчуудын элкэн гэж дууддаг байдлаар хэрэглэнэ.
Эртний хүний ертөнцийг үзэх нь бөөгийн ёс заншил гэдэг хүн төрөлхтний хамгийн эртний шүтлэгийн байдлаас илэрхий болно.
Иймд тэр тухайн явдалтай холбогдолтой зүйлийг зохиомол юм гэж огт үзэж болохгүй. Тэр ч байтугай одооны үеэс дөчөөд жилийн тэртээхийн ёс заншил эртний уламжлалын байдлыг мэдэх хүн уран зохиолдоо ямар нэгэн хүн дөчин жилийн өмнө юмуу, түүнээс ч цааш шарын шажин эхлэн дэлгэрч байсан үед, үүдэн шүд уначихлаа гэж зүүдлээд, муу ёрын зүүд төрөл садны хүнд үхэл зовлон учирна гэж ёр байна гээд лам багшид айлтгаж муу зүүдний хариулга хийлгэлээ гэвэл тийм юмыг худлаа, зохиолч худлаа зохиосон. Монгол хүн шүд уналаа гэж зүүдлэхдээ дөчин жил буюу дөрвөн зуун жилийн өмнө муу ёр гэдэггүй байсан гэж хэлэх хүн байна уу? Гэр дээр нь шар шувуу шөнө дуугарлаа гэж зохиолынхоо нэг хүнийг /ардын хувьсгалын өмнө гамингийн үед байсан хүн гэж бодьё л доо/ их л айн сандарч, лам багшаас аврал эрлээ гэж нэг өгүүллэгэд бичвэл тэр өгүүллэгэд гарсан хүн үнэндээ байхгүй болно. Тэр зохиолд шүд минь уналаа гэж зүүдэлсэн хүн үнэндээ байхгүй байж болно л доо. Тэгэвч тийм зүүдийг тухайн үед муу ёр гэж үздэг ёс шар шувуу шөнө гэр дээгүүр нь нисэн дуугарвал муухай гэгчийн ёр, гэж сандран үздэг ертөнцийн үзэх ёс тухайн үед байж уу гэвэл аргагүй үнэн болно.
Ийм учраас "Заан Залуудай" гэдэг романыг бичихдээ миний бие эрт балар маш дээр цагийн манай өвгөд дээдэс, тухайн тийн байдалд тэгдэг ёс заншилтай байсан. Ертөнцийг үзэх үзэл нь түүнээс үндэслэн, орчин тойрны байгаль ертөнцийн түмэн үзэгдлийг чингэж ухаарч хариуд нь ч ингэж байдаг асан гэдгийг үзүүлэн эрт дээр цагийн хүний дүр байдал, зовлон жаргал баяр гаслан зэргийг нь харуулж үзсүү гэхдээ олон зүйлийн судлалын юмнаас үндэслэсхийж бодсоноо бичсэн билээ.
Шүлгийн зүйлийг гиншин дуудах байдалд ардын аман бичгийн хэл, туул, дууны байдлаас авч хэрэглэсэн нэгэн зүйл гэвэл эгшгээр төгссөн үгийн сүүлд эгшгээр эхэлсэн үг залгалдахад хоёр эгшиг тааралдах нь аялан дуудах зэргийн зүйлд эвгүй байдаг нь хүн төрөлхтний хэл бүхэнд байдаг үзэгдэл бөгөөд монгол хэлэнд ч тийм зүйл гарахад дэлхийн бусад олон хэлтний нэгэн адил, тийнхүү үг төгсгөлийн эгшиг дараачийн үгийн эхний эгшиг хоёрын хооронд жирийн гийгүүлэгч оруулан аргалдаг ёс байна. Монгол хэлнээ ийм зүйлд гийгүүлэгч уг чанар байдлаараа жийрэг болох байдалд тун тохиромжтой санагддаг учраас ялангуяа хэмнэлт шүлэг мэтийн аман зохиолд дуудан эгшиглэхдээ "н" гийгүүлэгчийн эгшгээр эхэлсэн үгийн эхэнд нь залган дууддаг байна. Тэр монгол зөв дуудахуйн ёсыг би энэ "Заан Залуудай"-н хоёрдугаар хэсгийн шүлэгт хэрэглэлээ. Эхтэй нөөхөн гэх мэт ардын дуунд: алдаа нүгүй, мэдээ нүгүй гэх мэтэд "үгүй" гэдгийн эхэнд "н" ордог жишээтэй ёс, олон улсын шинжлэлийн бичигт байдаг тул тэр ёсыг дагуулан, жижиг үсгээр хоёр үгийн хойдох үгийн эхэнд тавилаа.
Бас нэгэн зүйлийг дурдахыг хүсэх нь: чулуун зэвсэг хэрэглэж байсан үеийг нягталж үзвээс газар газар адилгүй хөгжилтэй байсан нь нэг газар эртний чулуун зэвсэгтэй байхад, нөгөө газар нь дундад чулууны үед хүрч байсан буюу нэг газар чулуу мод хавирч галтай байх үед нэг газар, тэр аргыг мэдэхгүй атлаа галаа манаж аргалан, манасан галаа унтраавал гал алдах зэргийн адилгүй боловсролтой байсан тул, тэдгээр байдлыг бас тусган үзүүлэх гэж, нэг газар хавчаахай нумтай болоод байхад нэг газар бороохойгоос цааш ахиж чадаагүй мэт байдлыг үзүүлэх гэж оролдлоо. Тэр эртний үе байтугай одоо ч нэг хэсэг улс атом задлан хэрэглэж байхад нэг хэсэг хавчаахай нум, хулхавч нумтай хэвээр одоо ч гэсэн байгаа шүү дээ.
Зарим хүмүүс, "Заан Залуудайн" эхний хэсэгт бэрх явдал тохиолдоод байтал сүүлийн хэсэгт амар тайван найрлаж барьж байсан явдал гардаг нь балар эртний цагт байж боломгүй мэтээр бодогчид буй. Хаврын тарчиг цагаараа адгуус хүртэл эцэж турдаг, зовж зүдэрдэг байтлаа намрын тэнүүн цагт гэдэс гарч тосон таргатай болж, цатгалан тайван цаг үе байдаг атал, дээр цагийн чулуун зэвсгийн хүн ан адгууснаас дор хавар ч үхэж, намар ч хатаж байсан гэж үзэх баримт үгүй. Тэр ч байтугай эрт балар чулуун зэвсгийн хүний үлдээсэн зураг дүрс, баримал мэтийг үзэхэд, найрлан цэнгэж, бүжин наадаж байсан байдлын дүрс зураг хөрөг баримал манай үед уламжлан ирсэн зэргийн зүйл буйг товч дурдваас зохих байна. Энэ мэтийн зүйлийг би хир чадлаараа тусгахыг мэдцийнхээ хэрээр одоо байгаа чадлынхаа хэмжээгээр оролдсоныг дурдаад оносон зүйл буй аваас төдий л буй заа. Алдсан зүйл байвал гүн мэдлэгтэн заан засаж уучлан үзмүү хэмээн буурал зохиогч би өчнөм.

Билгийн улирлын хөхөгчин могой жилийн өвлийн эхэн сар.
Улаанбаатар хот


Top
   
PostPosted: Oct.20.16 1:28 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
За ингээд дуусгаад авлаа. Одоо харин чинагш Инжинааш "Хөх судар"-ыг бариад авбаас сонирхож унших хүн байх болбуу. Оруулахдаа хүрвэл одоо скайнер хэрэглэнэ ээ. Гарын дасгал болгож нилээн шивлээ... удах юм байна.


Top
   
PostPosted: Oct.20.16 4:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3661
Location: Ирмэг
Баярлалаа сайхан зохиол оруулсанд...Өмнө нь бас шимтэн уншиж байсан, дахиад уншихад сайхан байна.

Хөх судар чинь яадаг билээ? Багадаа унших гэж оролдож байгаад орхиж байсан санагдаад байна хаха. Алтан товч, Хөх судар 2-ыг унших гэж байгаад орхиж байсан санагдаад байгаам :)))

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Oct.20.16 4:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4813
Location: зогсолтгүй..
хө судар гэж би бас багадаа уншиж байсан.. бас үйл явдлыг нь сайн санахгүй байгаа ч Чингис хааны үеийн амьдрал гараад байдаг билүү..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Oct.23.16 4:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6067
Location: Энд
Хөх сударыг ёстой уншиж бгаагүйн бна шүү. Уншъя уншъя :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.24.16 6:41 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 835
nogoo huraangui n mon biz? hamt oruulj bolj bn. digital bolgoj bgaad zalhuuraad haysanaa duusgamar bn


Top
   
PostPosted: Oct.25.16 10:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5259
:wd:


Top
   
PostPosted: Oct.26.16 4:54 am 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6409
Location: ДЭЛХИЙ
:wd: шивээд бай. Шивээд бай.

_________________
No to Racism!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 78 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited