#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.26.17 12:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.30.16 3:48 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Шелдоны "The Naked face" зохиолыг "Багийг нь хуу татагтун" гэж орчуулан гаргасан юм байна. Тун удахгүй тавина аааа. :brows:


Top
   
PostPosted: Jun.02.16 4:22 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
СИДНИ ШЕЛДОН

БАГИЙГ НЬ ХУУ ТАТАГТУН

Нэгдүгээр бүлэг
Арван нэгэн цагт арван минут дутуу байхад тэнгэх цоорч, газар дээр сэвсгэр цагаан юм хуйлран унаж, их хотыг нүд ирмэхийн зуур бүрхэв. Нэгэнт хөрч бээрсэн Манхеттений гудамжинд зул сарын баярын эд зүйлсээ удалдаж аваад тохилог дулаан гэрийн зүг яаран явцгааж буй хүмүүсийн хөлний дор нэвсгэр зөөлөн цас төдөлгүй саарал шавхай болох зууралдав.
Лексингтон-авенюгээр хөлхөх зул сарын энэ олон хүний дотор хурц шар өнгийн хүрэмтэй гоолиг өндөр эр өмнөөсөө яваа хүмүүстэй санамсаргүй мөргөлдөж байгааг эс хайхрах төлөвтэй, хараа дээгүүр, түргэн түргэн алхалж байлаа. Эл эр "сүнсийг ариутгах оронд" олон жил суусны эцэст сая эрх чөлөөгөө олоод одоо урдын бүтэл зэхий явдлыг бүрмөсөн орхисноо Мэрид хэлэхээр яаран яваа нь энэ ажээ. Мэри энэ сайхан мэдээг сонсоод, царай нь туяарна даа. Түүнийг тавин есдүгээр гудамжны буланд очиход улаан гэрэл асаж, тэрээр гарцан дээр ирж зогсов. Түүнээс хэдэн метрийн зайд Аврах Армийн Санта-Клаус хэмээх өвлийн өвгөн том уут бариад зогсож харагдана. Сайхь эр задгай мөнгө эрж халаас руу гараа хийтэл гэнэт нэг хүн мөрөн дээр нь хамаг биеийг доргитол чанга алгадав. Бодвол нэг согтуу амьтан дайралдсан хүн болгонд сайхан зан гаргаж яваа царай нь энэ биз.
Эсвэл Брюс Бойд байх. Хүнээс их тэнхээтэйгээ мэддэггүй Брюс Бойд хүнийг ингэж өвдтөл цохидог муу зантай. Мань хүн Брюстэй уулзаагүй жил гаруй болж байгаа. Хэн ийнхүү цохисныг мэдэх гэж эргэн харахдаа хөл нь борвиороо бохисхийж байгааг гайхав. Бие нь явган зам дээр сулдайн унахыг өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг мэдэрч, амьсгаа авахад хэцүү боллоо. Нүдний нь өмнүүр олон хүний гутал тасралтгүй жирэлзэн өнгөрөв. Өндөр эр мөс шиг хүйтэн замын цардаст хацраа наан ухаан алдаж эхэллээ.
Тэрээр зүй нь энд хэвтэж байх ёсгүйгээ ойлгоод хажуугаараа явж буй хүмүүсийн хэн нэгнээс аврал тусламж гуйхын тулд амаа ангайсанд амнаас нь үг гарахын оронд халуун улаан цус асгарав. Амнаас гарсан цус хайлсан цастай хутгалдан зам дээгүүр урсахыг илбэдүүлсэн юм шиг гайхан харж байлаа. Өвдөх нь их болсон ч сайхан мэдээ дуулгах гэж яваагаа гэнэт санаад өвдөхийг тоосонгүй. Одоо эрх чөлөөтэй болсон. Эрх чөлөөтэй болсноо Мэрид очиж хэлнэ. Гол шиг эр нүд гялбам хурц гэрэлтэй тэнгэрийг харсаар чилсэн нүдээ анилаа. Цас лавшиж байснаа мөс шиг хүйтэн бороо болж хувирсан ч энэ түүнд нэгэнт огт хамаагүй болжээ.

Хоёрдугаар бүлэг.

Кэрол Робертс үүд онгойхыг сонсоод толгойгоо өргөн харвал түүний өрөөнд хоёр хүн орж ирсний нэг нь зургаан фут гурван ямхаас наанагүй өндөр бөгөөд данхар хар том толгойтой, хөнхийсөн бор цэнхэр нүдтэй, том дөрвөлжин эрүүтэй, дөчөөд насны лухгар эр харин нөгөө нь насаар арай залуу, нүүрийн тэг зөөлөн, сэргэлэн хүрэн нүдтэй хүн байв. Кэролын хувьд энэ хоёр ихэр юм шиг адилхан харагдаж, хэдийгээр үг дуугараагүй боловч хамаг учрыг даруй ойлгож, тэгээд суга нь хөлөрч эхлэхийг мэдрэв. Доктор Стивенсийн хүлээх өрөөнд энэ хоёр хүнийг ямар хэрэг зоригоор ирсэн юм бол гэж Кэрол элдвээр эргэцүүлэн бодож үзэв.
Чик үү? Ай Тэнгэр! Тэр маань ханилан сууя гэж гуйгаад бүлэг дээрэмчидтэй холбоогоо тасална гэж амласан тэр шөнөөс хойш зургаан cap элдэв хэрэг төвгөөс холхон байхыг хичээж байгаа шүү дээ.
Сэмми юу? Гадаадад, нисэхийн баазад байгаа. Түүнд ямар нэг юм тохиолдсон байлаа гэхэд Кэрол иймэрхүү янзаар хэл өгөх нь юу л бол. Үгүй дээ, эд нар Кэролтой өөртэй нь харгалдах гэж ирсэн байх. Цүнхэнд нь марихуан бий. Хэн нэгний нь хэл урт байсан биз. Харин яагаад хоёул ирдэг байна вэ? Кэрол энэ хоёр эрийг өөртөө гap хүрэхгүй гэж өөрөө өөртөө ятган үнэмшүүлэхийг хичээв. Кэрол одоо хэн дуртай хүний чичилж дарлаж болдог, Гарлемын нэг муу тэнэг янхан хүүхэн биш, тус орны сэтгэц задлагийн нэг томоохон эмчийн гарын туслах болсон юм чинь. Гэсэн ч хоёр эрийг ойртон ирэхэд хамаг бие сэтгэлийг нь айдас эзэмдлээ. Багтаж ядсан олон хүнтэй өмхий байранд өнгөрүүлсэн он жилүүд сэтгэлд нь даанч тодхон.
Тэнд цагаан арьстны хууль журам сахиулагчид бороохой, шийдэм барьсаар дайран орж, ирж эцэг, ах эгч нарыг нь аваад явсан сан.
Бүсгүйн сэтгэл ингэж их үймэрсэн ч гаднаас нь харахад огт мэдэгдсэнгүй. Хоёр мөрдөгчийн нүдэнд гагцхүү хул шар өнгийн ганган плажтай залуу хөөрхөн негр бүсгүй харагджээ.
- Та нарт юугаар тусалж болох байна? хэмээх бүсгүйн дуу хүйтэн хөндий, хайхрамжгүй байдалтай сонстов.
Тэгэхэд Эндрю Макгрейви гэдэг ахлах мөрдөгч негр бүсгүйн ханцуй дор хар толбо үүсэхийг ажиглаад, "Докторын туслах бүсгүй юунд ингэтлээ их сэтгэл догдолсон юм бол оо?" хэмээн сонирхон бодох зуур түрийвчнээсээ элэгдсэн тэмдэг гарган үзүүлж:
- Би арван есдүгээр хэсгийн дэслэгч Макгрейви байна гээд хамт яваа залуу тийш эргэж,
- Энэ мөрдөгч Анжели. Бид хүн амины хэрэг мөрдөх хэлтсийнхэн гэж биесээ танилцуулав.
Хүн амины хэрэг гэв үү? Кэрол өөрийн эрхгүй давхийн цочив. Чик байж. Нэг хүнийг алчихаж дээ. Амласнаа зөрчөөд өнөөх муу хулгай нартайгаа дахин нийлжээ. Дээрэм тонуулд оролцож, хэн нэгнийг буудаж алсан байж. Эсвэл ... Өөрөө буудуулчихсан юм болов уу? Үхээд хэвтэж байгаа юм болов уу? Тэгээд энэ хоёр хүн үүнийг хэлэх гэж ирсэн байж. Кэрол хөлсний хар толбо нь ихэсч байгааг мэдэрч, үүний сацуу Макгрейви гэгч нүд рүү нь эгцлэн харсаар байгаа боловч үүнийг бас ажигласныг ойлголоо. Кэрол, Макгрейви хоёр үг сольсон солиогүй, бие биеэ ойлгож байв. Энэ хоёр хэдэн зуун жилийн танил ...
-Бид доктор Джад Стивеснтэй уулзаж ярилцмаар байна гэж залуу мөрдөгч өгүүлэв.
Залуу мөрдөгч эрийн уянгалаг дөлгөөн дуу нь нүдэнд дулаахан гадаад төрх байдалтайгаа аятайхан хосолжээ. Тэр залуу олсоор боосон жижиг боодолтой юм барьсан байхыг Кэрол сая ажиглав. Хэлсэн үгийн иь утгыг Кэрол тэр даруйдаа сайн ойлгосонгүй. Тэгэхээр Чик биш, Сэмми ч биш марихуанд ч хамаа гүй юм байж. Кэролын дотор онгойж, түүнээ нууж ядан,
- Тоогүй дээ, доктор дээр өвчтөн байгаа хэмээн хариулсанд Макгрейви хажуунаас нь,
- Бидэнд хэдхэн минут л хэрэгтэй. Бид зарим зүйлийг асууж тодруулах гэсэн юм гээд хэсэг дуугүй байснаа:
- Бид энд ярих юм уу, эсвэл цагдаагийн хэсэг дээр ярилцаж болох юм гэв.
Кэрол тэдний өөдөөс гайхан харав. Хүн амины мөрдөх хэлтэст доктор Стивенс ямар хамаатай байдаг байна вэ? Цагдаагийнхан юу гэж бодлоо ч гэсэн доктор хэзээ ч хууль зөрчиж байгаагүй. Үүнийг Кэрол сайн мэднэ. Энэ явдал хэдийд болсон билээ? Дөрвөн жилийн өмнө. Бүх хэрэг шүүхийн танхимд эхэлсэн сэн ...


Top
   
PostPosted: Jun.02.16 4:23 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Шөнийн гурван цаг болж байв. Өдрийн чийдэн гийн үхмэл цэхэр гэрэл танхимд сууж буй хүмүүсийн арьсыг эрүүл биш өнгөтэй харагдуулна. Хуучин муу хай өрөөнд олон арван жилээр хурж тунасан айдас хүйдсийн үнэр нэвт шингэжээ.
Кэролын аз дутаж, шүүгч Мюрфийн гарт дахин орсон байна. Кэрол хоёрхон долоо хоногийн өмнө мөн энэ шүүгчийн өмнө зогсож байсан юмсанж. Шүүгч Кэролын ам өчгийг аваад батлан даалтаар суллан тавьжээ. Анх удаа хууль зөрчсөн гэж үзсэн хэрэг. Энэ муусайнууд Кэролыг анх удаагаа баривчилсан гэсэн утгаар тэр. Одоо энэ шүүгч одоо Кэролыг лав шоронд хийх байх.
Ээлжит хэргийг мөрдөн шүүх ажил дуусч байлаа. Өндөр нуруутай тайван эр шүүгчийн өмнө зогсоод, өөрийн өмгөөлж буй гартаа гавтай салга бүдүүн хүний тухай нэг юм ярьж байв. "За энэ ч юу хэлэхийгээ мэддэг хүн байна. Энэ бүдүүний аз таарчээ. Намайг хэн өмгөөлөх юм бол доо?" гэж Кэрол бодож байв.
Бүдүүн эрийг авч гарсны дараа Кэролын нэрийг дуудахад нь босож, чичирч байгаагаа нуух гэж хоёр өвдгөө нийлүүлэн зогсов. Шүүхийн гүйцэтгэгч түүнийг вандан руу түлхэхэд, нэгэн ажилтан шүүгчид яллах бичгийг өгөв.
- Кэрол Робертс. Гудамжинд яваа эрчүүдийг ээрэн хоргоож, гадуур хэсүүчлэн тэнэж, марихуан хадгалж байсан. Баривчлахад эсэргүүцсэн.
Энэ сүүлчийнх нь шал худлаа үг. Цагдаа бөгсийг нь алгадахаар Кэрол хариуд нь өшиглөөд авсан юм. Кэрол юутай ч гэсэн америкийн иргэний бүх эрхийг эдлэнэ шүү дээ.
- Би хэдэн долоо хоногийн өмнө Кэрол чамтай энд уулзсан, тийм үү? гэж шүүгчийн асуухад Кэрол хайхрамжгүй байдалтай дуугарахыг хичээж,
- Тийм шиг санаж байна, эрхэм шүүгч ээ гэв.
- Би чамайг батлан даалтаар сулласан биз дээ?
- Тийм ээ, эрхэм ээ.
- Чи хэдэн настай вэ?
Кэрол ингэж асуухыг нь хүлээж байжээ.
- Арван зургаатай. Өнөөдөр миний төрсөн өдөр. Их аз жаргалтай өдөр юмаа гээд Кэрол асгаруулан уйлав.
Шүүгчийн ширээний дэргэд зогсож байсан өндөр эр цүнхэндээ бичиг цаас далд хийж байснаа Кэролын ирэх татан уйлахыг сонсоод толгойгоо өргөн түүнийг анхааралтай харав. Дараа нь шүүгч Мюрфид хандан нэг юм хэллээ.
Шүүгч хуралдааныг завсарлахаар нь зарлаад сайхь өндөр эртэй хамт танхимаас гарч одов. Арван таван минутын дараа шүүхийн гүйцэтгэгч, Кэрол шүүгчийн өрөөнд аваачихад түрүүчийн өндөр хүн шүүгчид нэг юм нотлон, сэтгэл хөөрсөн байдалтай ярьж байлаа. Шүүгч,
- Кэрол чиний аз боллоо. Бид чамд дахиад нэг боломж өгье. Шүүх чамайг доктор Стивенсийн батлан дааснаар суллаж байна гэх нь тэр ээ.
Тэгэхлээр энэ хүн шүүгч биш, эмч байж. За ер нь Бөөр гаргадаг Жек байсан ч яалаа. Эд нар Кэролын төрсөн өдөр биш гэдгийг мэдэхээс өмнө эндээс гарч чадвал гүйцэх нь тэр.
Доктор түүнийг гэртээ аваачиж явах зам зуураа бүсгүйд сэтгэлээ тайвшруулах бололцоо олгох гэж олон юм асуусангүй харин элдвийн дэмий сул үг ярьж байв. Машин Ист-Риверийн ойролцоо далан нэгдүгээр гудамжны орчин үеийн гоё байшингийн дэргэд очиж зогсоход хаалгач хаалга нээж өгөв. Цахилгаан шатны хүн тэднийг тавдугаар давхарт гаргалаа. Тэдний эелдэг найртай мэндэлж байгааг Кэрол ажиглаад энэ докторын хувьд шөнийн гурван цагт арван зургаан настай хар арьстан янхан бүсгүй гэртээ дагуулж ирэх нь ердийн нэг хэрэг байдаг байж дээ гэж бодлоо.
Кэрол урьд өмнө ийм сайхан орон байр үзсэнгүй. Зочлох өрөөг цайвар өнгөөр засаж янзалсан байх агаад хоёр намхан буйдан орыг шаравтар бөсөөр бүтээж, хооронд нь зузаан шилэн таг бүхий кофейн дөрвөлжин ширээ тавьж, дээр нь маш уран сийлбэртэй шатартай шатрын хөлөг тавьжээ. Хананд нь уран зураг өлгөж, үүдний өрөөнд гадаах хаалга, орцыг харуулсан телевизийн монитор тавьжээ. Зочлох өрөө ний буланд болор хундага, галуун хүзүүт тавьсан гавиур бүхий эргэнэг байв. Цонхоор тэртээ дор Ист-Риверээр хөвж яваа хөлөг онгоцууд хүүхдийн тоглоом мэт жижигхэн харагдах ажээ.
- Энэ хөлөг онгоцнуудыг харахаар миний гэдэс өлсдөг юм. Хоёул баярын жижигхэн зоог барихад яагаад эс болсон юм бэ? гэж доктор Джад Стивенс хэлэв.
Тэгээд Кэролыг гал тогооны өрөөнд дагуулан аваачиж гайхмаар түргэн зуур өндгөн жаврай, шарсан төмс, сам боов, шанцай, кофе тэргүүтнийг бэлтгэв.
-Эхнэргүй ганц бие эрийн нэг. давуу тал энэ дээ. Юм идэх дур хүрсэн цагт юу дуртайгаа өөрөө хийгээд идчихнэ гэж Джад тайлбарлав.
Тэгэхлээр энэ доктор эхнэргүй, ганц бие хүн юм байна. "За хүүхээ, битгий алдаж үзээрэй. Энэ чинь ашигтайхан ажил болж магадгүй юм шүү" гэж Кэрол өөртөө хэлэв.


Top
   
PostPosted: Jun.02.16 4:25 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хоолны дараа Джад, Кэролд унтлагын өрөөг нь зааж өгөв. Тэр нь ханын өнгөтэй өнгө нийлүүлэн хөх бүтээлгээр бүтээсэн хоёр хүний өргөн ортой жижигхэн өрөө байлаа. Ханын дэргэд бараан модоор хийсэн жижгэвтэр шүүгээ тавьжээ.
- Чи энд унтаж байх болно. Одоо шөнийн хувцас авчирч өгье гэж Джад хэлэв.
Кэрол ганцаараа үлдээд, "За хүүхээ, чи том олз олж атгасан байна шүү. Мань эр хар арьстан хүүхэн шохоорхсон бололтой. Чи үүнд хэрэгтэй бүх юмыг нь өгдөг юм шүү" гэж өөрөө өөртөө хэлэв.
Кэрол хувцсаа тайчиж, шүршүүр дор хагас цаг болов. Халуун усны өрөөнөөс буржгар алчуураар биеэ ороон гарч ирээд орон дээр шөнийн хувцас тавьсан байхыг харж, учрыг ойлгосон байдалтай инээмсэглээд алчуурыг шал дээр унагаж зочлох өрөөнд орсон чинь хүн байсангүй. Ажлын өрөөний хаалгаар шагайвал доктор Джад тохилог том зөөлөн сандалд суугаад ширээний чийдэнгийн гэрэлд нэг юм уншиж байлаа. Ханын дагуу, шалнаас адар хүртэл дүүрэн номтой тавиур эгнэжээ. Кэрол докторын араас очиж, хүзүүг нь үнсэж,
- Одоо эхэлцгээе, жаал аа. Юугаа хүлээх юм бэ? гэж шивгэнэлээ.
Доктор усгал дөлгөөн хар хөх нүдээрээ Кэролыг секунд хэртэй тайван хараад,
- Чамд хэрэг төвөг багадаад байна уу? Чиний негр болж төрснийг өөрчлөх аргагүй л дээ. Харин чамайг арван зургаатайдаа янхан, мансуурах донтох болох ёстой гэж хэн хэлсэн юм бэ? хэмээн зөөлөн асуув.
Кэрол бүр балмагдан докторын өөдөөс бүлтийн ширтэж,
- Чи юу хүсэх вэ, жаал аа? Хүссэн бүхнийг чинь биелүүлэхэд бэлэн гэв!
- За жаахан ярья.
- Ярих ий?
- Яг тийм.
Тэр хоёр өглөө болтол ярилаа. Кэрол шөнийг ийм янзтай өнгөрүүлж үзээгүй. Доктор Стивенс юм юмны зах зухаас ярингаа Кэролыг шинжин ажиглаж байлаа. Доктор түүнээс Вьетнамын тухай, негрийн хороолол, оюутны үймээний тухай юу боддогийг асуув. Юу асууж байгааг нь сая нэг юм ойлгох шиг болтол, доктор ярианыхаа сэдвийг өөрчилж байв. Тэр хоёр Кэролын урьд өмнө огт сонсоогүй зүйлийн тухай ч ярьж, түүний хэнээс ч илүү сайн мэддэг гэж үзсэн зүйлийн тухай ч ярилаа. Сүүлийн хэдэн cap Кэрол тэр гайхамшигтай шөнийн тухай эргэн эргэн санахдаа ямар үг, өгүүлбэр, санаа нь түүний амьдралыг ингэж өөрчлөв гэдгийг ойлгох гэж яджээ. Ингэж оролдоод нэмэргүйг нилээд хожуу ойлголоо. Үг өгүүлбэр, үзэл санаа эрэх нь ашиггүй ажил аж. Доктор Джад Стивенс гойдын ч юм хийсэнгүй. Зөвхөн Кэролыг хүн гэж тоож ярьсан байна. Кзролтой урьд өмнө хэн ч ингэж ярьж байгаагүй юм. Доктор Стивенс Кэролыг өөртэйгөө эн сацуу хүн хэмээн тоож, бодол, сэтгэлийг нь ойшоон анхаарсан байнам.
Кэрол яриан дунд чармай нүцгэн сууж байгаагаа гэнэт ухаарч, шөнийн хувцас өмсөхөөр унтлагын өрөөнд ороход Джад хойноос нь даган орж, орны нь зaх дээр сандайлан тэр хоёр дахин ярьж эхэлжээ. Мао Зэдуний тухай, хулахупын тухай, жирэмслэхээс сэргийлэх үрлийн тухай гэх мэт ... Бас гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхтэй байх гэгч ямар байдаг тухай.
Кэрол урьд өмнө хэнд ч итгэж яриагүй олон юмаа докторт ярьжээ. Тэгээд унтах үед хамаг тэнхээ тамир нь барагдсаныг мэдрэв. Учир тоймгүй их идээ бээр бугласан хавдраа хагалуулж мэс засал хийлгэсэн юм шиг ...
Өглөө нь доктор Джад цайны дараа түүнд зуун доллар өгөв.
Кэрол хэсэг эргэлзсэнээ:
- Би миний төрсөн өдөр гэж худлаа хэлсэн юм гэсэнд Джад инээмсэглэв.
- Мэднэ. Бид үүнийг шүүгчид хэлэхгүй ... гээд дууны нь өнгө өөр болж,
- Чи энэ мөнгийг аваад хандсан зүгтээ явж болно. Чамайг дахин цагдаад баригдтал хэн ч чамайг зовоох гүй гэснээ бас хэсэг дуугүй байсны дараа,
- Надад гарын туслах хэрэгтэй. Миний бодоход чи энэ ажилд яг сайхан таарна гэжээ.
Кэрол өөдөөс нь нүд бүлтийн ширтэж,
- Та тоглож байна уу? Би бичиг машиндаж чадахгүй, түргэн бичлэг хийж чадахгүй гэсэнд,
- Сургуульдаа эргэж орох юм бол энэ бүхнийг сурч болно гэв.
Кэрол докторын өөдөөс ширтэн байснаа,
- Миний толгойд яагаад ийм бодол орсонгүй вэ? Таны хэлсэн ёсоор хийнэ гэжээ.
Одоо зуун доллар өвөртлөөд Гарлемд найз нарын хаа цугладаг Фишманы эмийн санд очиж, тэдэнд гайхуулах юмсан гэж тэсэж ядан хүсэв. Энэ мөнгөөр бүтэн долоо хоног туйлж болно.
Кэрол эмийн санд ороод хэзээ ч эндээс яваагүй юм шиг санагдав. Нөгөө л таньдаг улсын нүүр царай, өнөө л ямар ч санаа зорилгогүй явган яриа. Кэрол дахиад гэртээ ирсэн нь энэ. Гэсэн ч докторын гэрийг мартаж чадсангүй. Хогшил тавилгад нь учир байгаа юм биш. Докторын байр өөр ертөнцөд байдаг амар тайван, цэвэр цэмцгэр, жижигхэн арал шиг санагдана. Тийшээ яаж орохыг доктор зааж өгсөн. Кэрол энд юугаа хаясан билээ? Докторын үгийг элэглэн инээж болмоор санагдах атал санаснаар болж өгөхгүй байлаа.
Кэрол оройн сургуульд бүртгүүлчихээд үүнийг өөрөө ч гайхав. Кэрол зэв болсон тосгуур, хагархай толь, шажигнадаг төмөр ортой өрөөгөө орхиод эцэг эх дээрээ очиж суув. Кэролыг сургуульд сурч байх үед доктор Стивенс багахан тэтгэмж өгч байлаа. Кэрол сургуулиа онц сайн дүнтэй төгсөв. Доктор төгсгөлтийн үдэшлэгт ирээд Кэролын амжилтыг бахархан нүд нь туяарч байлаа. Кэрол дараа нь гарын туслах бэлтгэдэг тусгай түр сургуульд оров. Түр сургууль төгссөнийхөө маргаашаас доктор Стивенсийн туслахаар ажиллах болж, одоо тусгай байр хөлсөлж авах чадал чинээтэй болжээ.
Энэ дөрвөн жилийн турш доктор Стивенс Кэролтой анх танилцсан тэр шөнийнх шигээ эелдэг даруу харилцаж байлаа. Кэрол анхандаа түүний хэн байгаад хэн болсон тухайд докторыг нэг юм хэлэх болов уу гэж хүлээж байв. Гэтэл доктор түүнийг одоо ямар байна вэ, ямагт тэр янзаар нь хардаг байсныг сүүлдээ ойлгожээ. Ердөө л Кэролыг замаа олж, хэвдээ ороход нь тусалсан байна.
Бүсгүйд ямар нэг асуудал бэрхшээл тохиолдвол зав гарган ярилцдаг байв. Сүүлийн үед Кэрол Чик тэр хоёрын хооронд юу болсныг докторт ярьж, өөрийн өнгөрсөн намтрыг Чикт ярьсны хэрэг байна уу, үгүй юу гэж асуух санаатай байсан боловч энэ яриаг хойш тавьсаар өдий хүрчээ. Кэрол доктор Стивенсийг үргэлж баярлуулж байхыг хүсдэг байв.


Top
   
PostPosted: Jun.02.16 4:26 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Үүний тулд юу ч хийхэд бэлэн байлаа.
Одоо тэгээд хүн амины хэрэг мөрдөх хэлтсийн хоёр хүн доктортой уулзана гэж байх юм. Макгрейви нь тэвчээр алдаж эхлэв бололтой,
- Одоо тэгээд яах вэ, мисс? гэж асуув.
- Доктор дээр өвчтөн байхад би түүнийг үймүүлэх эрх байхгүй ... гэж Кэрол хариулснаа Макгрейвийн нүдний харцыг ажиглаад,
- Утасдаад үзье гэж нэмж хэлээд харилцуур авч, дотуур харилцааны товч дарсанд гучин секундийн дараа хүлээх өрөөнд "Байна уу?" гэх докторын дуу сонстов.
- Хоёр мөрдөгч ирээд тантай уулзъя гэж байна. Хүн амины хэрэг мөрдөх хэлтсийнхэн юм гэнэ.
Докторын дууны өнгө өөр болж ... айж сандарсан байдал мэдэгдэх болов уу гэж Кэрол хүлээж байв. Хариуд нь гагцхүү товчхон: "Хүлээж байг" гэх сонстож, доктор харилцуураа тавилаа.
Кэролын цээж баяр баяслаар бялхав. Энэ хоёр мөрдөгчөөс Кэрол өөрөө айдаг юмаа гэхэд эд нар докторыг айлгаж чадахгүй. Тэгээд өмнөө зогсож буй хоёр эрийн өөдөөс зоримог байдалтай харж,
- Докторын хэлснийг та нар сонсоо биз дээ? гэсэнд,
- Өвчтөн нь хэдийд явах вэ? гэж Анжели асуув. Кэрол цагаа хараад,
- Хориод минутын дараа явна. Энэ хүний дараа өнөөдөр өөр хүн ирэхгүй гэсэнд хоёр эр бие биеэ хараад,
- Тэгвэл бид хүлээе хэмээн Макгрейви нь хэлээд хоёул суув. Мөрдөгч Макгрейви Кэролыг нэг хэсэг харж байснаа,
- Чамайг зүс үзсэн хүн шиг санах юм гэхэд нь Кэрол миний түрүүчийн бодсон зөв юм байна, эд нар доктортой уулзах гэж ирээгүй байжээ хэмээн бодоод,
- Хүн болгоны царай адил гэж үг байдаг даа, та юу эс андах вэ гэж хариулжээ.

Гуравдугаар бүлэг

Яг хорин минутын дараа докторын ажлын өрөөнөөс нийтийн гудам руу орсон хаалганы цоож час хийхийг Кэрол сонсов. Дахиад хэдэн минутын дараа доктор Стивенс хүлээх өрөөнд орж ирээд Макгрейвийг харж, хэсэгхэн эргэлзсэнээ,
- Та бид хоёр танил юм шив дээ, тийм үү? гэж асуухад нь,
- Тиймээ, би дэслэгч Макгрейви байна хэмээн мөрдөгч энгүүн хариулаад хамт яваа хүн рүүгээ толгой дохиж,
- Энэ мөрдөгч Фрэнк Анжели гэж танилцуулав.
Джад, Анжели хоёр гар барилцаад,
- Орцгоогтун гэж доктор хэллээ.
Эрчүүд докторын ажлын өрөөнд орж, үүд хаагдахад Кэрол хойноос нь гайхан харж байхдаа юу ямар учиртайг ойлгох гэ^к оролдов. Доктор Джад Стивенс том мөрдөгчид таалагдахгүй байгаа бололтой. Энэ хүн ерөөс эмч нарт дургүй байж болох юм. Ямар ч гэсэн хөлс болсон плажаа өнөө орой цэвэрлэгээнд өгөх хэрэгтэй болно гэдгийг Кэрол лавтай мэдэж байв.


Top
   
PostPosted: Jun.02.16 4:27 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Доктор Джад Стивенс өөрийн ажлын өрөөгөө францын хотын гаднах байшингийн маяг байдлаар засаж янзалжээ. Бичгийн ширээ байхгүй. Хөнгөн маягийн зөөлөн сандлууд дээр нь эртний маягийн хийцтэй чийдэн тавьсан бага шиг явган ширээ тавьж, шалан дээр сайхан зурагтай зөөлөн хивс дэвсэж, цаад ханын дэргэд тохилог буйдан ор тавьжээ. Хананд нэг ч диплом байхгүй. Ер нь доктор Стивенс хүсвэл хананд нэг ч сул зай үлдээхгүй байж чадах сан гэдгийг Макгрейви наашаа ирэхээсээ өмнө тодруулж мэдсэн байна. Энэ өрөө Анжелид илт сэтгэгдэл төрүүлсэн бололтой.
-Би сэтгэл мэдрэлийн эмч дээр анх удаа ирж үзэж байна. Би хувьд ийм байртай байхыг татгалзах гүйсэн гэхэд,
- Ийм нөхцөл байдал дунд өвчтний бие сэтгэл тавирах нь амар байдаг юм. Үгийн далимд хэлэхэд би сэтгэл зүйч юм шүү гэж докторын тайлбарлахад Анжели ичиж,
- Өршөөгөөрэй. Чухам ямар ялгаатай байдаг юм бэ? гэхэд нь Макгрейви хажуунаас нь,
- Цагт барагцаалбал тавин доллар ... гээд докторт хандан,
- Манай энэ туслах иймэрхүү юмны нарийн учрыг сайн мэддэггүй юм гэв.
Туслах нь юм байж. Дөрөв, таван жилийн өмнө архины дэлгүүр дээрэмдэж байсан бүлэг хулгайчтай мөргөлдөх үед Макгрейвийн туслах алагдаж, дэслэгч өөрөө шархтсаныг Джад сая санав. Энэ гэмт хэргийн учир Амос Зиффрен гэгчийг баривчлан ял тулгасан билээ. Яллагдагчийн өмгөөлөгч нь өөрийн харилцагчийг дээрэм хийж байх үед өөрийн ухаангүй байсан учир хэрэг хариуцах чадваргүй гэсэн шалтаг зааж цагаатгахыг шаарджээ. Өмгөөлөгчийн саналаар Зиффренийг шинжлэх мэргэжилтнээр Джад Стивенсийг урьсан байна. Яллагдагчийн парез буюу саатах өвчин улам даамжирч, сэтгэцэд нь засаж болшгүй өөрчлөлт гарсныг судалгаа харуулсан ажээ. Энэ дүгнэлтийн үндсэн дээр Зиффрен цаазаар авхуулах ялаас мултарч, түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт явуулжээ.
- Одоо би таныг саналаа. Зиффрений хэрэг. Та өөрөө гурав шархтаж, туслах чинь алагдсан хэмээн Джадыг хэлэхэд,
- Би ч гэсэн таныг санаж байна. Та гэмт этгээдийг цахилгаан сандлаас зайлахад нь тусалсан гэв.
- Одоо би танд яаж тус болж чадах байна?
- Бид зарим нэг асуудлыг тодруулж мэдэх хэрэгтэй байна гэж Макгрейви хариулаад Анжелийн өөдөөс харсанд цаадах нь барьж байсан юмныхаа боодлыг тайлж эхлэв.
- Нэг зүйлийг ялган таньж өгөхийг танаас хүсье гэж Макгрейви ямар нэг сэтгэлийн хөдлөлгүй дуугаар өгүүлэв.
Анжели цаасыг задалж, хурц шар өнгийн хүрэм гаргаж ирээд,
- Та үүнийг урьд өмнө үзсэн үү? гэхэд нь,
- Минийхтэй адил юм байна хэмээн Джад гайхан хариулав.
- Таных мөн. Ямар ч гэсэн дотор талд нь таны нэр бичээстэй байна.
- Үүнийг та нар хаанаас олсон юм бэ?
- Таны бодоход бид үүнийг хаанаас олсон байж болох вэ?
Доктор Джад ширээн дээрээс гаанс авч, хажуу дахь савнаас нь тамхи яаралгүй нэрэнгээ Макгрейвийн өөдөөс анхааралтай ширтэнгээ,
- Энэ бүхэн ямар учиртайг та нар надад тайлбар лаад өгвөл дээр байх гэв.
- Бид энэ хүрмийн учрыг олмоор байна. Энэ таных мөн бол яагаад танд байж байдаггүй юм билээ. Үүний учрыг мэдмээр байна.
- Үүнд гайхмаар жигтэй юм байхгүй. Намайг өглөө гэрээс гарахад жаахан бороо орж байсан юм. Миний цув цэвэрлэгээнд байгаа. Тэгээд энэ шар хүрмийг өмсөж явсан. Уг нь би энэ хүрмийг загасанд явахдаа өмсдөг юм. Миний нэг өвчтөн цувгүй ирээд яг түүнийг явахын өмнө ширүүн бороо орж эхэлсэн учир би хүрмээ түүнд өгсөн хэрэг гэж Джад ярьж байснаа гэнэт сэтгэл нь түгшин хэсэг дуугүй болсноо,
- Түүнд ямар гай тохиолдоо вэ? гэж асуусанд,
- Хэнд гай тохиолдоо вэ гэж? хэмээн Макгрейви лавлав.
- Миний өвчтөн Жон Хансенд.
- Доктор та яг онож хэллээ. Мистер Хансен таны хүрмийг өөрөө авчирч өгч чадаагүйн учир гэвэл нас барсан ... гэж Анжели аяархан өгүүлэв. Джад давхийн цочиж,
- Нас барчихаагүй юу? гэсэнд,
- Нэг хүн ар нуруунд нь хутга зоожээ гэж Макгрейви тайлбарлав.
Джад итгэж ядан өөдөөс нь ширтлээ. Дэслэгч, Анжелиас хүрмийг авч, дэлгэж тавиад урт цоорхойг үзүүлэв. Дотор талд нь улаан хүрэн толбо тодхон харагдаж байлаа. Джадын дотор муухай болон огиудас хүрэхийг мэдэрч,
- Түүнийг хэн алсан байдаг байна вэ? гэв.
- Энэ тухай таныг бидэнд хэлж өгөх болов уу гэж найдсан юм, доктор Стивенс ээ. Мистер Хансеныг түү ний сэтгэл зүйч эмчээс илүү сайн мэдэх хүн хэн байх
вэ дээ гэж Анжелиг хэлэхэд, аргаа барсан байдалтай Джад толгой сэгсэрч,
- Хэдийд ийм явдал болоо вэ? гэж асуухад нь,
- Өглөөний арван нэгэн цагт, Лексингтон-авенюд, эндээс нэг байрны цаана. Түүний унаж байхыг олон хүн харсан байх. Даанч бүгдээрээ зул сарын баярт бэлтгэх гэж яараад түүнийг цусаа урсгаж дуустал тэнд нь орхисон бололтой гэж Макгрейви хариулав.
Доктор Джадыг ширээний захаас шүүрэн базахад хурууных нь үе цайгаад ирлээ.
- Хансен өнөөдөр тан дээр хэдийд ирсэн бэ?
- Өглөөний аравт.
- Доктор та өвчтөнөө дунджаар хэдий хэр удаан үздэг вэ?
- Тавин минут.
- Хансен дороо яваад өгсөн үү?
- Мэдээж, тэгсэн. Намайг дараачийн хүн хүлээж байсан.
- Хансен хүлээх өрөөгөөр дайрч гарсан уу?
- Үгүй. Миний өвчтөн хүлээх өрөөгөөр дайрч энд орж ирээд ийшээ гардаг гэж доктор хэлээд нийтийн гудам руу гарсан хаалгыг зааж,
- Ийм болохоор өвчтөн нар бие биетэйгээ уулз даггүй юм гэв. Макгрейви толгой дохиод,
- За тэгэхлээр Хансеныг танай эндээс гарсны нь дараахан алсан юм байна. Тан дээр юу гэж ирсэн юм бэ? гэхэд нь Джад хэсэг эргэлзээд,
- Тоогүй юм даа. Надад иймэрхүү асуудлыг ярих эрх байхгүй.
- Түүнийг нэг хүн алсан байна. Алуурчныг олоход та тусалж чадах сан гэж Макгрейви нухацтай хэлэв.
Джадын гаанс нь унтарсанд дахин асааж авлаа.
- Та Хансеныг хэдийнээс эмчилж эхэлсэн бэ? гэж энэ удаа Анжели асуув.
- Гурванжилийн өмнөөс.
- Хансеныг үзэн яддаг хүн бий юу, та санаж байна уу? Эсвэл Хансен өөрөө хэн нэгнийг үзэн яддаг байсан юм биш биз?
Тийм хүн байдаг бол би та нарт хэлэх байсан сан. Би Жон Хансены тухай мэдвэл зохих бүх зүйлийг мэднэ гэж бодож байна. Амьд яваадаа баярладаг байсан. Түүнд хэн нэгнийг үзэн ядах шалтгаан байгаагүй, бас түүнийг үзэн яддаг хүн байж болно гэж бодохгүй байна.
- Тэр тусмаа Жонд сайн. Мистер Стивенс та их сайн доктор юм шиг байна ... Бид Хансены картыг аваад явъя гэж Макгрейви хэлэв.
- Болохгүй.
- Бид шүүхээс зөвшөөрөл авч болох юм.
- Тэгээрэй. Өвчний нь түүхэнд та нарын сонирхмоор юм байхгүй дээ.
- Картыг нь бидэнд өгөхөд гай нь юу вэ? хэмээн Анжели асуув.
- Та нар Хансены эхнэр, хүүхдэд хор болж магад. Та нар буруу замаар явж байна. Алуурчин этгээд Хансеныг танихгүй байсан гэж итгэж байна.
- Би бол үүнийг чинь үнэмшихгүй гэж Макгрейви амандаа бөвтнөв.
Анжели шар хүрмийг цаасанд ороож, гадуур нь олсоор боогоод,
- Бид мөрдөн байцаалт дууссаны дараа хүрмийг чинь танд буцааж өгнө гэв.
- Аваад үлдэж болно.
Макгрейви гудам руу гарсан үүдийг онгойлгож,
- Бид доктор танд байдлыг хэлж байх болно гээд өрөөнөөс гарлаа.
Анжели Джад тийш толгой дохичихоод ахлах мөрдөгчийн хойноос гарав. Кэролыг орж ирэхэд Джад тэдний араас ширтсээр байлаа.
- Ямар нэг хэрэг төвөг гараа юу? гэж Кэрол санаа зовнингуй асуув.
- Нэг хүн Жон Хансеныг алчихжээ.
- Алчихсан юм уу?
- Хутгалсан гэнэ.
- Ай Тэнгэр! Яах гэж тэр вэ?
- Цагдаагийнхан мэдэхгүй байна.
- Аймаар юм! Надаар туслуулах юм байна уу, доктор оо?
- Кэрол та төвөгшөөхгүй бол өрөөний юм хумаа цэгцлээд дараа нь өрөөгөө түгжигтүн. Би миссис Хансентэй уулзаж, болсон явдлыг өөрөө хэлье дээ.
- Санаа бүү зовогтун, бүгдийг гүйцэтгэнэ хэмээн Кэрол сэтгэлийг нь заслаа.
- Баярлалаа гэж Джад хэлээд өрөөнөөс гарав.
Гучин минутын дараа Кэролыг өнөөдрийн өвчтөнүүдийн картыг цэгцэлж, ширээгээ түгжиж байтал хүлээх өрөөний үүд онгойв. Долоон цаг өнгөрч байлаа.
Энэ үед байшинд нэг ч хүн үлддэггүй ажээ. Кэрол толгойгоо өргөн харвал нэгэн үл таних эр инээмсэглэн түүн рүү ойртож ирлээ ...


Top
   
PostPosted: Jun.02.16 9:28 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jul.30.06 7:33 am
Posts: 38
Location: Holland
Үргэлжлүүлээрэй. Уншиж байна шүү

_________________
Sakura


Top
   
PostPosted: Jun.03.16 12:02 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2001
Location: Go for needs not sales
Mark

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Jun.03.16 12:12 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
:wd:

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Jun.03.16 1:58 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Дөрөвдүгээр бүлэг

Джад гадагшаа гарч, машиндаа суугаад элдвийг бодон толгой хазайсан зүг рүүгээ явлаа. Хансен тамын зовлон туулж өнгөрүүлээд эрх чөлөөгөө олдгийн даваан дээр ... Энэ яасан гомдолтой вэ!
Гудамжны аманд утасны бүхээг байхыг хараад өөрийн дотнын сайн нөхөр Петер, Нора Хадли нарынд очиж зоог барина гэснээ сая санав. Ийм хэрэг болсны дараа хүнтэй уулзмааргүй байлаа. Джад машинаа зогсоож, бүхээгт ороод Хадлийн утсанд залгасанд Нopa харилцуур авлаа.
- Чи хожимдож байна шүү. Хаанаас утасдаж байна вэ?
- Нора, уучлаарай. Би өнөөдөр очиж чадахгүй нь байна.
- Чадахгүй гэнэ шүү! Энд чамтай танилцахын хүслэн болсон нэг хөөрхөн шар хүүхэн сууж байна гэж Нopa дуу алдав.
- Дараа болно биз. Өнөөдөр би үнэндээ очиж чадахгүй. Миний өмнөөс уучлал гуйгаарай.
- Ээ, энэ эмч нарыг! хэмээн Нора халаглаад,
- Жаахан хүлээ. Найзыг чинь дуудъя гэлээ.
Петер харилцуур аваад,
- Юу болоо вэ, Джад аа? гэхэд нь хэсэг эргэлзээд,
- Их хэцүү өдөр байлаа. Маргааш чамд бүгдийг ярья гэв.
- Чи хосгүй сайхан швед хоолноос хоцрох нь. Бас нэг хөөрхөн хүүхэн алдах нь ...
- Түүнтэй чинь дараа танилцъя гэхэд цаана нь шивгэнэлдэх сонстож, Нора дахин харилцуур аваад,
- Энэ бүсгүй Зул сарын баярын цайнд ирнэ. Чи яах вэ? гэхэд нь,
- Энэ тухай дараа ярья. Өнөөдөр очиж чадаагүйг минь уучлаарай гэж Джад хариулаад харилцуурыг өлгөв.
Нораг өөртөө хүүхэн олж өгөх гэж хөөцөлдөхөө боль хэмээн яаж эвтэйхэн шиг учир таниулах вэ? Джад коллежийн төгсөх ангид байхдаа эхнэр авсан билээ. Элизабет гэдэг ухаалаг хөөрхөн, цовоо сэргэлэн бүсгүй мөн тэндхийн нийгэм судлалын ангид сурдаг байлаа. Тэр хоёр бие биедээ халуун хайртай болж, ирээдүйд үр хүүхэд нь амьдран суух ертөнцийг өөрчлөн байгуулах баясгалант төлөвлөгөө зохиодог байв. Гэтэл тэдний хамтран амьдарч байсан хамгийн эхний Зул сарын баярын өмнөхөн Элизабет нь тэдний хараахан төрөөгүй байсан хүүхэдтэй хамт машины осолд орж амь үрэгдсэн юм. Джад гуниг зовлонгоо ажилд уусган живүүлэхийг оролдож, харьцангуй богинохон хуга цааны дотор тус орны хамгийн шилдэг сэтгэц задлагчийн эмчийн нэг болжээ. Гэсэн ч Джад одоо болтол Зул сарын баярыг бусад хүмүүстэй хамт тэмдэглэж чаддаггүй юм. Хэдийгээр тэнэг хэрэг гэдгийг ойлгосон ч энэ өдрийг Элизабет, тэдний төрж амжаагүй хүүхдэд зориулах ёстой гэж үздэг байлаа.
Доктор Джад Ист-Ривер Драйвт ороод Меррит Парквиний тийш эргэж бүтэн хагас цагийн дараа Коннектикутийн засмал замаар явж байв.
Цасанд хучигдсан байгаль дэлхий шинэ жилийн баярын мэндчилгээний ил захидлын зургийг санагдуулна. Джад Уэст-Порт, Денбюрийн дэргэдүүр явж өнгөрөхдөө машины нь дугуй дор эвхрэх хязгааргүй урт замаас өөр юм бодохгүйг хичээв. Хансены тухай бодол толгойд нь орж ирэхэд биеэ албадан даруй өөр юм бодож байлаа. Гагцхүү нилээд хожим бүрмөсөн ядарч туйлдаад сая машинаа эргүүлэн гэрийн зүг явлаа.
Джадыг голдуу баярын царайгаар инээмсэглэн угтдаг хаалгач Майк энэ удаад өөрийн бодолд дарагдсан юм шиг тун дүнсгэр угтав. Джад үүдний танхимд конторын эрхлэгч Бен Кацтай дайралдаж, цаадах нь хийрхүү маягтай гар даллан зангачихаад даруй гэртээ оров. "Өнөөдөр эд нар юу болох нь энэ вэ? Эсвэл миний зүрхний хий хөдлөө юу?" гэж Джад гайхан бодоод цахилгаан шатанд оров.
Цахилгаан шатны үйлчлэгч Эдди толгой дохин: "Оройн мэнд, мистер Стивенс ээ" гэчихээд докторын өөдөөс эгцэлж харахгүйг хичээн товчлуурыг дарав.
- Ямар нэг хэрэг явдал гараа юу? гэж Джадын асуухад Эдди даруй толгой сэгсрээд нүд буруулсаар байв.
"Ай Тэнгэр минь! Миний буйдан орон дээр удахгүй очиж хэвтэх бас нэг хүн нэмэгдлээ" гэж Джад эвгүйцэн бодлоо ... Шатны үйлчлэгчийг үүд онгойлгож өгөхөд Джад шатны талбайд гарч, байр руугаа явж байхдаа шатны үүд хаагдах чимээ сонстохгүй болохоор нь эргэж харвал Эдди түүнийг анхааралтай ширтэн зогсож байснаа Джадын нэг юм асуухаар завдан амаа ангайлгамагц даруй үүдээ хааж, нэгдүгээр давхрын товчийг дарлаа. Джад дал мөрөө нэг ёвгосхийлгээд түлхүүр гарган үүдээ онгойлгож, байрандаа орлоо.
Бүх өрөө тасалгаа нь гэрэлтэй байв. Дэслэгч Макгрейви зочлох өрөөнд ширээний нь шургуулгаас бичиг цаас гарган үзэж байлаа. Унтлагын өрөөнөөс Анжели гарч ирэв. Джадын хорсол хилэн бадарч,
- Та нар чинь миний гэрт юу хийж байгаа юм бэ? гэсэнд,
- Мистер Стивенс таныг хүлээж байна гэж Макг рейви хариулав.
Джад ойртон очиж, ширээний шургуулгыг хаахдаа мөрдөгчийн хурууг золтой л хавчсангүй.
- Та нар яаж орж ирсэн бэ?
- Бидэнд нэгжлэг хийх зөвшөөрлийн бичиг бий гэж Анжели хариулав. Джад өөдөөс нь гайхан харж,
- Нэгжих зөвшөөрөл өө? Миний гэрийг үү? гэсэнд,
- Асуухыг бид асууна гэж Макгрейви санууллаа.
-Надад өмгөөлөгч хэрэггүй. Өнөө өглөө Хансенд хүрмээ өгч явуулаад та нарыг миний ажлын өрөөнд авч очтол дахин үзээгүй гэдгээ та нарт нэгэнт хэлсэн. Би түүнийг алсан байх аргагүй. Би бүтэн өдөржин ажлынхаа өрөөнд өвчтөн нартай байсан. Үүнийг мисс Робертс батлан гэрчилж чадна гэж Джадын учирлан тайлбарлахад Макгрейви, Анжели хоёр учиртайхан харц солилцоод,
- Та ажлынхаа өрөөнөөс гараад дараа нь юу хийсэн бэ? гэж Анжели асуув.
- Машинаар жаахан явсан.
- Хаашаа?
- Коннектикут тийш.
- Таныг хэн нэг хүн харж болох байсан уу?
- Үгүй.
- Та аль нэг газар зогссон уу? гэж Анжели лавлав.
- Үгүй. Өнөө орой миний хаашаа явсан нь ямар хамаатай юм бэ? Хансеныг өглөө алсан юм байгаа биз
дээ.
- Та ажлынхаа өрөөнд эргэж очоогүй юу? гэж Макгрейви тоомжиргүй байдалтай асуув.
- Очоогүй. Юу гэж?
- Таны ажлын өрөөний үүдийг эвдсэн байсан. Та бидэнтэй хамт тийшээ очихгүй юу? Юм хулгайлагдсан байж болох юм.
- Тэгье л дээ. Энэ тухай хэн хэлээ вэ?
- Шөнийн манаач. Доктор та ажлынхаа өрөөнд үнэт зүйл хадгалдаг уу? Мөнгө, эм гэх мэт? гэж Анжели асуув.
- Та хариулахгүй байж болно. Таны хэлснийг таны эсрэг ашиглаж болно гэдгийг бодолцоорой гэж Анжели нэмж хэлэв.
- Та өмгөөлөгчидөө утасдах уу? хэмээн Макгрейви сонирхоход нь,
- Мансууруулах бодис байхгүй. Мөнгө ч байхгүй. Миний ажлын өрөөнд хулгайлчихмаар юм байхгүй.
- Яасан сайн юм бэ. За явцгаая гэж Макгрейви хэллээ.


Top
   
PostPosted: Jun.03.16 2:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Хүлээх өрөө нь эмх замбараагүй болжээ. Хэн нэг нь бүх шургуулгыг онгойлгож доторхийг нь шал дээр тарааж хаясан байлаа. Джад нүдэндээ итгэсэнгүй.
- Тэд нар юу эрсэн юм бол, доктор та юу гэж бодож байна? хэмээн Макгрейви асуув.
- Мэдэхгүй юм даа гэж Джад хариулаад ажлын өрөөний үүдэнд очиж онгойлгов. Макгрейви хойноос нь дагалаа.
Жижиг ширээнүүдийг унагаж, чийдэнгүүдийг хагалж, хивс нь цус болсон байв. Цаад буланд Кэрол Роберстын хоёр гарыг ард нь хүлж, биеийг нүцгэлэн шал дээр хаяжээ. Хөх, гуяыг хүчлээр түлж, баруун гарын хурууг хугачиж, нүүр нь нэл хөх няц болсон байв.
Хоёр мөрдөгч докторыг анхааралтай ажиглаж байлаа.
- Таны царай зэвхий даагаад ирлээ. Суугтун гэж Анжели хэлэв.
Джад толгой сэгсрээд хэдэнтээ гүнзгий амьсгаа авав.
- Хэн ингэв? хэмээн доктор асуухдаа ихэд хилэгнэснээс хоолой нь чичирч байлаа.
- Үүнийг л бид доктор Стивенс танаас дуулмаар байна гэж Макгрейвийн хэлэхэд Джад өөдөөс нь дальдралгүй эгцлэн хараад,
- Кэролыг хэн ч ингэх ёсгүй. Энэ насандаа нэг ч хүнд гэм хийгээгүй бүсгүй ... гэсэнд Макгрейви үгийг нь таслан,
- Доктор та өөр нэг юм бодож олбол дээр байх. Та Хансеныг үзэн яддаг байсан байж болох хүнийг мэдэхгүй гэсэн. Гэтэл түүний ар нуруу руу хутга ****** байлаа. Кэролыг нэг ч хүнд гэм хийгээгүй гэж байна.
Гэтэл энэ хүүхнийг хүчлээр түлж, үхтэл нь тамлан зовоосон байна. Тэгэхэд та энд зогсоод эд нарыг хэн ч ч гомдоохыг хүсэхгүй гэж байх юм. Инээдэмт жүжиг тоглохоо боливол дээр биз. Та сохор, дүлий хүн үү?
Энэ бүсгүй таны дэргэд дөрвөн жил ажилласан байна. Та сэтгэц задлан шинжлэгч эмч хүн. Таныг энэ бүсгүйн хувийн амьдралын тухай юу ч мэдэхгүй байсан гэж хэлбэл би яаж үнэмших юм бэ? гэхэд нь,
- Тийм л дээ. Нэг залуутай үерхдэг, хоёул ханилан суух гэж байсныг нь мэднэ гэж Джад хүйтэн хөндий хариулав.
- Чик гэдэг залуу. Бид түүнтэй уулзаж ярилцсан.
- Тэр залуу яасан ч ийм юм хийх хүн биш. Сайн хүү. Керолд хайртай байсан.
- Та бүсгүйг амьд байхад нь сүүлчийн удаа хэдийд, үзсэн бэ? гэж Анжели асуув.
- Та нарт хэлсэн шүү дээ. Би явахдаа Кэролыг ажлын өрөөний үүдийг түгжээрэй гэж захисан гээд Джад шүлсээ залгиж, дахин гүнзгий амьсгаа авлаа.
- Та өөр өвчтөн ирэхийг хүлээж байсан уу?
- Үгүй.
- Үүнийг ямар нэг интэй этгээд үйлдсэн байж болох уу, та юу гэж бодож байна вэ?
- Солиотой амьтан л ийм хэрэг үйлдэж болно. Тэгэхдээ түүнд ийм үйлдэл хийх шалтгаан байх ёстой.
-Таны энэ хэлснийг бүрэн зөвшөөрч байна гэж Макгрейви өгүүлэв.
- Энэ бүсгүй яагаад одоо болтол энд хэвтэж байгаа юм бэ? гэж Джад уурсан асуугаад Кэролын цогцсыг дахин харахад хэрэгцээ нь өнгөрч хаягдсан хуучин муу даавуу хүүхэлдэйг санагдуулав.
- Одоо аваад явна. Шүүхийн эмч, манай хүн амины хэрэг мөрдөх хэлтсийнхэн ажлаа дуусгасан гэж Анжели хэлэв. Джад Макгрейвид хандан,
- Тэгвэл та нар үүнийг надад үзүүлэх гэж зориуд ийм байдалтай үлдээсэн юм уу? гэсэнд,
- Тийм ... Энэ ажлын өрөөнд юуны тулд ийм хэрэг үйлдэж болох вэ, танаас дахин асууя гэж Макгрейви шалгаав.
- Мэдэхгүй байна.
- Танай өвчтөнүүдийн тухайд юу гэх вэ? гэхэд нь Джад толгой сэгсрэн,
- Тэгэхгүй гэв.
- Доктор та бидэнд тусалъя гэж нэг их хүсэхгүй байх шив дээ, тийм үү?
- Алуурчныг бариад аваасай гэж намайг хүсэхгүй байна гэж бодов уу? Хэрэв миний бичиг тэмдэглэл та нарт тус болдог юм бол би үүнийг даруй хэлэх байсан сан. Би өвчтөн нараа мэднэ. Тэдний хэн нь ч Кэролыг алсан байх ёсгүй. Энэ хэргийг хөндлөнгийн хүн үйлдсэн байна! гэж доктор уурсан өгүүлэв.
- Таны бичиг баримтыг хэн ч сонирхохгүй гэж ч яагаад бат итгэж байгаа юм бэ?
- Түүнд гар хүрээгүй байна гэсэнд Макгрейви докторыг сонирхсон байдалтай ажин харж,
- Та яаж мэдсэн юм бэ? Та бичиг баримтаа үзээгүй байгаа шүү дээ гэв.
Джад ханын дэргэд очиж, хоёр мөрдөгчийн ажин цэнэсэн харцын дор жижгэвтэр модон хавтанг дарсанд ханын хэсэг нь хажуу тийшээ болж, соронзон хальстай хуурцаг өрсөн хэдэн том тавиур гарч ирлээ.
- Би өвчтөн нартай ярьсан зүйлээ хальсанд бичиж авдаг юм. Хальсыг нь энд хадгалдаг гэж доктор учрыг тайлбарлав.
- Тэд нар Кэролоор хальс хаана байгааг хэлүүлэх гэж эрүүдэн тамласан байж болох уу?
- Энэ бичлэгийг хэн сонирхох вэ дээ. Кэролыг алсан өөр шалтгаан байх ёстой.
Джад бүсгүйн тарчлан зовсон бие цогцсыг дахин харж цээжинд нь багтаж ядсан уур хилэн оволзон,
- Та нар энэ хэргийг үйлдсэн хүнийг олох ёстой гэсэнд ахлах мөрдөгч өөдөөс нь эгцлэн харж,
- Олохыг хичээе гээд Джадыг гэрт нь хүргэж өгнө уу гэж туслах залуугаа гуйж,
- Надад өөр бас жаахан ажил бий ... Тавтай нойрсоорой, доктор оо гээд цааш эргэж, гудамж уруудан явлаа.
- Явцгаая. Би бээрч орхилоо гэж Анжели докторыг яаруулав.
Джад урд суудал дээр мөрдөгчтэй зэрэгцэн сууж, машин байрнаасаа хөдөллөө.
- Би Кэролын гэрийнхэнд хэлэх хэрэгтэй гэж докторын өгүүлэхэд,
- Бид хэдийн энэ талаар санаа тавьсан гэхэд нь Джад толгой дохив.
Ер нь Кэролынхонтой уулзах ёстой л доо. Гэхдээ үүнийг түр хойшлуулж болох юм. Ийм шөнө орой болсон хойно дэслэгч Макгрейви юу хийх санаатай байгаа юм бол гэж доктор бодов. Анжели бодсоныг нь тааж мэдсэн юм шиг.
- Макгрейви сайн цагдаа. Өөрийн туслахыг алсан Зиффренийг цахилгаан сандалд суулгах ёстой байсан гэж л үздэг юм гэв.
- Зиффрен солиотой хүн.
- Доктор таны үгийг итгэж байна.
"Макгрейви бол итгэхгүй байгаа бололтой" гэж Джад бодлоо.


Top
   
PostPosted: Jun.03.16 2:04 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Нэгэн наргианч хүн үүдний нь дээр ортуузын мөчир өлгөснийг эс тооцвол хотын хүүр хадгалах газар шөнийн 3 цагт бусад аливаа ийм газар лугаа адил байлаа. "Энэ юу вэ? Хошин шог нь дэндсэнийх үү, эсвэл хар муухай шоглоом уу?" гэж Макгрейви гайхан бодов.
Задлан шинжлэх ажил дуусаагүй байсан тул мөрдөгч гудамд хүлээх хэрэгтэй болов. Эцэст нь түүнийг шүүхийн эмч тасагт урилаа. Макгрейвийг ороход эмч том угаагуур дээр гараа угаангаа, хэдэн асуултад хариулаад тэр даруй гарч одов. Макгрейви олж авсан мэдээллээ эргэцүүлэн, тэнд нилээд удаад, дараа нь гадагшаа гарч, такси эрэн ийш тийш харсанд алга тул "Тэр муусайн нохойн хөвгүүд лав Бермудын арал орохоор явцгаасан байх" хэмээн бодож байтал эргүүлийн машин дайралдахад нь түүнийг зогсоож, үнэмлэхээ үзүүлэн өөрийгөө Арван хоёрдугаар хэсэгт хүргэж өгөхийг тушаав.
Цагдаагийн хэсгийн байшинд ороход тэнд Анжели байлаа.
- Тэд Кэрол Робертсыг задлан шинжлэх ажлыг сая дууслаа.
- Тэгээд?
- Жирэмсэн байжээ гэсэнд Анжели өөдөөс нь гайхан ширтэв.
- Дөрвөн cap шахсан юм байна. Аюул осолгүйгээр үр хөндүүлэхэд нэгэнт оройтсон, гаднаас нь харахад ажиглагдахгүй байсан байна.
- Энэ нь түүнийг алсан явдалд хамаатай хэмээн бодож байна уу?
- Чи аятайхан юм асуулаа байна. Жирэмсэн болсон нь түүний найз хархүүд буруугүй, тэр хоёр ханилан суух гэж байсан бол үүнд гойдын юм огт байхгүй. Тэр хоёр ханилан сууж хэдэн сарын дараа хүүхэд төрөх байсан. Ийм явдал захаас аван байдаг. Нөгөө талаар тэр хархүү жирэмсэн болгочихоод бүсгүйтэй гэрлэхийг хүсэхгүй байсан бол бас гойдын юм байхгүй. Ийм явдал бүр ч олон байдаг.
- Бид Чиктэй ярьсан. Бүсгүйтэй ханилан суух гэж байсан гэнэ.
- Мэднэ. Тийм болохоор энэ бүхнээс ямар дүгнэлт хийж болох вэ хэмээн өөрөөсөө асуу. Бидний өмнө жирэмсэн негр бүсгүй байна. Энэ бүсгүй хүүхдийн эцэг дээр очиж, удахгүй эх болно гэдгээ хэлэхэд цаадах нь түүнийг алсан байг.
- Үүний тулд солиотой амьтан байх ёстой.
- Миний бодоход тийм ч амар юм биш. Кэрол очоод үр хөндүүлэхийг хүсэхгүй, хүүхдээ авч үлдэнэ гэж хэлсэн байг. Наад зах нь эцгийг нь сүрдүүлэн шахаж, өөртэйгээ суулгахын тулд тэр. Цаадах нь эхнэртэй байлаа гэж бодъё. Эсвэл цагаан арьстан байг. Өргөн хүрээний үйлчлүүлэгчтэй алдарт эмч байг. Энэ тухай олонд мэдэгдвэл тэр алдарт эмчийн мандан бадрах хөг өнгөрч, нэр хүндээ алдаж гүйцнэ. Өөрийн туслах хар арьст бүсгүйг гэдэстэй болгож, түүнтэйгээ ханилан суусан сэтгэл зүйч эмчийг хэн тоож үзүүлэх юм бэ, чөтгөр алгад?
- Стивенс эмч хүн. Тэр хүүхнийг ажиг сэжиг авахуулалгүйгээр нүднээс далд болгох арваад арга лав мэддэг байх гэж Анжели хажуунаас нь сануулав.
- Тийм ч байж болох. Үгүй ч байж болох. Өчүүхэн төдий эд мөрийн баримт илэрч, түүн тийш хөтлөн аваачих юм бол бултаж мэлзэхэд хэцүү. Тэр эмч хор худалдаж авлаа гэхэд хэн нэг нь хор худалдсан тухай тэмдэглэж авна. Бас ийм нэг бяцхан жүжиг тоглосон байлаа гэж сэтгэлдээ төсөөлөөд үз, нэг интэй амьтан явж очоод докторын гарын туслахыг ямар нэг шалтгаангүйгээр алсан байг. Бүсгүйд ажил өгсөн доктор гуниг харуусалд автан алуурч этгээдийг ологтун гэж цагдаа нараас шаардаж байгаа байж.
- Таны саяын хэлсэн чинь албан хүчээр тааруулсан юм шиг харагдаж байна.
- Би ярьж дуусаагүй байна. Түүний өвчтөн Жон Хансеныг аваад үзье. Мөнөөхөн солиотой этгээдийн үйлдсэн бас нэг аллага. Анжели чамд нэг юм хэлье. Би тохиолдлоор таарна гэдэгт итгэдэггүй. Тийм учраас Жон Хансеныг алсан, Кэрол Робертсыг алсан энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой юм шиг байгаа даа? гэж би өөрөөсөө асуулаа. Тэгсэн чинь гэнэт бүгдээрээ тийм ч санамсаргүй тохиолдол биш юм шиг санагдах болов. Кэролыг докторын ажлын өрөөнд ороод та удахгүй аав болно хэмээн хэлсэн байлаа гэж бодъё. Бүсгүй мөнгө нэхсэн юм уу, өөртэйгөө ханилан суух ёстой гэж шаардсан юм уу, нэг тийм юм хэлсэн байг. Энэ үед Жон Хансен хүлээх өрөөнд сууж байгаад бүгдийг сонссон байж болох юм. Доктор Стивенс түүнийг буйдан орон дээр хэвттэл ажиг сэжиг аваагүй байж болох юм. Тэгээд Хансен хэвтэнгүүт хамаг паянг чинь илчилнэ гэж сүрдүүлсэн байг.
- Дэндүү олон таамаглал байна.
- Бүгд таараад байна шүү дээ. Хансеныг явахад доктор хойноос нь сэмхэн гарч, түүнийг дахиад элдэв юм ярьж чадахгүй болгосон байж болох юм. Дараа нь эргэж, ирээд Кэролын амыг барьсан байж болох юм. Доктор Стивенс энэ бүхнийг солиотой этгээдийн үйлдсэн хэрэг мэтээр үзүүлээд бүх асуудлыг шийдвэрлэж, Коннектикут тийш явсан байж болох юм. Одоо тэгээд цагдаа нар өнөөх солиотой этгээд гэдгийг нь эрж сурвалжлан хөл болж байгааг тайван харж суугаа байж бас болох юм.
- Үүнийг чинь би үнэмшихгүй. Танд нотолгоо байх гүй шүү дээ гэж Анжели хэлэв.
- Юу нотолгоо байхгүй гэж? Хоёр үхдэл яагаа вэ? Нэг нь Стивенсийн дэргэд ажиллаж байсан жирэмсэн хүүхэн, нөгөө нь түүний ажлын өрөөнөөс ганцхан байрны цаана алагдсан түүний өвчтөн. Хансентэй ярьсан ярианы бичлэгийг сонсъё гэж намайг гуйхад доктор татгалзсан. Яагаад тэр вэ? Доктор Стивенс хэнийг хамгаалан хаацайлж байна вэ? Түүний ажлын өрөөний үүдийг хэн эвдэлж, тэндээс юу эрсэн байж болох вэ гэж би доктороос асуусан. Хариу хэлсэн бол бид цэгцтэй таамаглал зохиож чадах байлаа. Үүд хаалгыг эвдэж дайран орсон этгээдүүд тэр учир битүүлэг "юмны" хаана байгааг мэдэх гэж Кэролыг барьж аваад эрүүдэн тамласан байна. Гэтэл нэр нууцгай "юм" нь байхгүй. Түүний соронзон хальс хэнд ч хэрэггүй. Ажлын өрөөнд нь мансууруулах бодис ч байхгүй, мөнгө ч байхгүй. Тэгэхлээр бид нар ямар нэг солиотой этгээдийг эрэх хэрэгтэй болжээ. Зүйтэй юу? Би үүнийг үнэмшихгүй. Бид доктор Джад Стивенсийг эрэх ёстой гэж бодож байна.
- Та докторыг шоронд хийх гэж хүсээд байгаа юм уу даа хэмээн Анжелийн үгээ зөөн хэлэхэд Макгрейви хилэгнэсэндээ царай нь минчийн улайж,
- Яагаад вэ гэвэл тэр гэм буруутай гэв.
- Та түүнийг баривчлах бодолтой байна уу?
- Эхлээд өөрийн зөвийг нотлохыг хичээе. Түүнийг ядаж нэг удаа шоронд суулгасан байдаг юм бол тэр тэндээ үлдэх болно доо гэж Макгрейви хэлээд цааш эргэн гарч одов.
Анжели хойноос нь бодлогошрон харж байлаа. Хэрэв арга хэмжээ авахгүй бол Макгрейви санасандаа хүрч докторыг шоронд хийнэ. Ингэхэд хүргэж болохгүй. "Өглөө ахмад Бертиллитэй ярих хэрэгтэй байна" гэж мөрдөгч бодов.
Маргааш нь өглөөний бүх сонины эхний нүүрт Кэрол Робертсыг зэрлэг муухай алсан тухай мэдээ гарчээ. Джад өвчтөн нартаа утасдаж, өнөөдөр хүлээж авахгүй хойшлуулмаар санагдав. Урьд шөнө унтсангүй. Одоо нүд нь өөрийн эрхгүй анилдаад байлаа. Гэвч өнөөдөр ирж үзүүлэх ёстой өвчтөний жагсаалтыг үзээд гурван хүнийг сэтгэлийн тав алдагдаж, өөр хоёр хүн өнөөдөр докторт үзүүлж чадахгүйгээ мэдээд цөхрөнгөө барна гэдгийг бодов. Бусад нь бол онцын юм болохгүй. Үүнээс уламжлаад доктор Джад зөвхөн өвчтөн нарынхаа тусын тулд төдийгүй, ерөөс ажил хийж байвал болсон явдлыг мартагнан сэтгэлээ сатааруулах шилдэг арга болох учир ажлынхаа цагийн хуваарийг өөрчлөх хэрэггүй юм гэж үзлээ.
Харрисон Бурк хэмээх ихэмсэг төрхтэй буурал хүн нэгэн томоохон компанийн удирдагч мэт харагдах бөгөөд үнэндээ ч "Интернейшнл Стил корпорейшн"-ийн дэд ерөнхийлөгч аж. Джад энэ хүнийг анх хараад энэ хүн өөрөө ийм хиймэл маягийн дүр бүтээсэн юм болов уу, эсвэл дүр нь энэ Буркийг бүтээсэн юм болов уу” хэмээн бодож билээ.


Top
   
PostPosted: Jun.03.16 2:05 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Бурк буйдан орон дээр хэвтэв. Бурк хоёр жилийн өмнө доктор Петер Хадлигаар дамжин Джад Стивенс дээр иржээ. Харрисон Буркийг хавчигдаж мөрдөгдөж байна хэмээн сэжиглэх интэй юм байна гэдгийг Джад Стивенс арван минутын дотор таньж мэджээ. Бурк өнөөдөр ч гэсэн өчигдөр орой энэ өрөөнд хүн амины хэрэг гарсан тухай бүх сонинд мэдээлсэн байхад уг хэргийн тухай огт дурссангүй. Энэ нь ерөөсөө Буркийн хувьд нийтлэг байдал. Бурк зөвхөн өөртөө хамаатай зүйлийг анхааран ажигладаг хүн.
- Та урьд надад итгэдэггүй байсан. Одоо тэд миний араас мөрдөж байгаагийн нотолгоо надад бий гэж Буркийн эхлэн ярихад,
- Бид энэ асуудалд бодитой хандахаар шийдсэн шиг санана. Бид үүний түрүүн ярилцаж байгаад хүний ургуулан бодох ухаан ... гэж Джад болгоомжтой ярьж хэлсэнд,
- Энэ бол ургуулан бодох ухааны үр бишээ гэж Бурк уулга алдаад, нуДарга зангидан өндийж суугаад,
- Тэд нар намайг алах гэж оролдсон гэв.
- Та хэвтээд бие сэтгэлээ сул тавивал яасан юм бэ? хэмээн Джадыг санал болгоход Бурк бүр босон
харайж,
- Таны надад хэлэх үг ердөө энэ үү? Та ядаж миний нотолгоог сонсохгүй байна! Та өөрөө тэдний нэг нь биш биз? гэж нүдээ хурцлан ширтэв. Джад санаа алдаад,
- Намайг тэдний нэг биш гэж та мэднэ дээ. Би таны дотнын нөхөр. Би танд туслахыг хичээж байна гэж учирлан хэлэв.
Докторын урам хугарлаа. Сүүлийн нэг сард овоо дээрдмээр болж байснаа одоо ямар ч үр дүнгүй болж байна. Түүний урд хоёр сарын өмнө ажлын нь өрөөнд орж ирсэн, өчүүхэн төдий чимээ анир гарахад дагжин чичирч байдаг солиотой хүн тэр хэвээрээ зогсож байв.
"Интернейшнл Стил"-д Бурк анх зарлагаар ажиллаж эхэлсэн байжээ. Хорин таван жиийн дотор түүний нүдэнд дулаахан гадаад байдал, төрөлхийн эелдэг найртай зан нь засаг захиргааны зэрэг дэвийн хамгийн дээд шатанд хүртэл дэвших боломж олгосон байна. Дараа нь дөрвөн жилийн өмнө Саузамптон дахь зуны байшинд түймэр гарах үед эхнэр, гурван хүүхэд нь амь үрэгджээ. Бурк энэ үед нууц амрагтайгаа Багамад байсан аж. Энэ эмгэнэлт явдал түүний сэтгэл оюуныг донсолгожээ. Католик шашны хатуу чанд жаягаар хүмүүжсэн Бурк өөрийн ойр дотнынхны өмнө буруут болсон гэсэн гэмших сэтгэлээсээ салж чадсангүй. Тэгээд хүн амьтантай уулзах нь эрс багасаж, олноос оорцог, зожиг тасархай болсон байна. Оройд гэртээ ганцаар үлдээд түүнийг нууц амрагтайгаа цэнгэн хэвтэж байх үед эхнэр хүүхэд нь түймрийн галд хэрхэн амь үрэгдсэнийг сэтгэлдээ дахин дахин төсөөлөн бод дог байлаа. Энэ бодол толгойноос нь гарахаа больжээ. Бурк үзэшгүй муухай амьтан. Үүнийг өөрөө мэдэж байв. Эзэн Тэнгэр ч мэдэж байгаа. Үүнийг бусад хүмүүс бас ойлгож байгаа! Бурк өөрийгөө үзэн яддагийн адил тэд нар Буркийг үзэн ядаж байгаа.
Хүмүүс нүүрэн дээр нь болохоор түүнийг өрөвдөж байгаа мэт дүр үзүүлэн өөдөөс нь инээмсэглэж байдаг боловч жинхэнэ хэрэг дээрээ хазгай гишгэж, занганд орох цагийг нь хүлээж байгаа. Гэвч Бурк тэдний даах зөөлөн хоол биш байжээ. Бурк нийтийн хоолны газар очихоо больж, одоо үдийн цайг ажлын өрөөнд нь авчирч өгдөг болсон байна. Бурк хүн бүхнээс хол хөндий байхыг хичээх болов.
Хоёр жилийн өмнө компанийн ерөнхийлөгчийг чөлөөнд гарах үеэр оронд нь өөр пүүсийн хүн урьсан байна. Нэг жилийн дараа тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаал сулрахад Буркийг бас тойрон өнгөрчээ. Энэ чинь түүний эсрэг үгсэн хуйвалдсаны нотолгоо биш үү? Бурк орчин тойрныхноо ажиглан ширтэх болж, шөнийн цагаар зэргэлдээх ажлын өрөөнүүдэд зуураас чагнах төхөөрөмж тавих болсон байна. Зургаан сарын дараа энэ хэрэг нь илрэн баригдаж, гагцхүү урьдын гавьяа зүтгэлийг нь бодоод ажлаас халсангүй өнгөрчээ.
Компанийн ерөнхийлөгч нь Буркийн ажил ихдэн хүнддэж байна гэж бодоод түүнд тус болохын үүднээс үүрэгт ажлын нь хүрээг багасгаж эхэлсэн байна. Гэтэл үр нөлөө нь санасны урвуу болов. Бурк өөрийгөө зайлуулах аян шалтаг эрж байна гэж боджээ. Бурк өөрөө эд нараас илүү ухаантай болохоор эд нар түүээс айж байгаа юм. Хэрэв Бурк компаний ерөнхийлөгч болох юм бол эд нар ажилгүй хоцрох байсан. Учир нь эд нар бүгдээрээ усан тэнэгүүд ... Бурк дараа дараагаар алдаа гаргаж байлаа. Үүнийг нь сануулан хэлэхэд Бурк зэвүүцэн өөрийн бурууг эрс няцааж, хэн нэгэн нь түүний нэр хүндийг гутаах гэж тайлан мэдээ, тоо баримт, статистикийн мэдээг зориуд гуйвуулан өөрчилсөн байна гэнэ. Бурк нэн удалгүй өөрийг нь зөвхөн ажил дээр хавчин мөрдөхөөр хязгаарлахгүй байгааг ойлгов гэнэ. Гудамжинд явж байхад түүний араас байнга ажиглан мөрдөж, утсаар ярихад нь зyypaac чагнаж, захидал харилцааг нь задалж үзэх болсон байна гэнэ. Эд нар хоолонд минь хор хийсэн байж магадгүй хэмээн сэжиглэн Бурк хоолноос бараг гарч, өдөр хоногоор турж эцэж эхэлжээ.
Компанийн ерөнхийлөгчийн сэтгэл зовоод доктор Петер Хадлитай ярилцаж, Буркийг ятган түүнд үзүүлэх болгожээ. Петер түүнтэй ярилцаад нэн даруй Джадад утасдсан байна. Одоо тэгээд Харрисон Бурк нударга зангидан өмнө нь зогсож байгаа хэрэг.
- Та нотолгоогоо ярина уу.
- Тэд нар урьд шөнө манай гэрт дайран орсон. Би ажлынхаа өрөөнд унтдаг юм. Үүнээс гадна тэдний гарт
орохгүй гэж хаалга бүрд нэмэлт цоож суулгасан.
- Дайран орсныг та цагдаа нарт хэлсэн үү?
- Хэлээгүй чиш! Цагдаа нар тэдэнтэй санаа нэг байдаг. Цагдаа нар намайг буудаж алах тушаал авсан боловч эргэн тойрон хүн байхад буудаж зүрхлэхгүй байгаа юм.Тийм болохоор би хүнгүй гудамжнаас зайлсхийдэг.
- Энэ мэдээллийг надад өгсөнд тань баярлалаа.
- Та тэгээд яах бодолтой байна вэ? хэмээн Бурк сонирхон асуув.
- Таны хэлсэн бүх зүйлийг анхааралтай сонслоо. Үүнээс гадна гээд Джад залгаастай байгаа дуу хураа гуур тийш толгой дохиж,
- Таны хэлсэн зүйл хальсанд үлдэнэ. Тэд нар танд халдах юм бол таны эсрэг хуйвалдаж байсны гэрч баримт нь бидэнд үлдэх юм гэж тайлбарласанд Бурк малийтэл инээж,
- Тэнгэр минь, яасан сайхан хэрэг вэ! Хальсанд буулгасан байжээ. За одоо тэд нар баригдана гэв.
- Та дахиад хэвтвэл яасан юм бэ? гэж Джадын санал болгоход Бурк буйдан орон дээр хэвтэв.
- Би их ядарч байна. Шөнө унтаж чаддаггүй. Нүдээ анихаас айгаад байдаг. Бүгдээрээ хойноос мөрдөөд байхад ямар байдгийг та төсөөлөхгүй.


Top
   
PostPosted: Jun.03.16 2:09 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Доктор Джад Стивенс дэслэгч Макгрейвийг санаад "Нээрээ тийм юм болов уу?" гэж нэг бодох зуур,
- Хүн хаалга эвдэж байхад зарц чинь сонсоогүй юм уу? гэж асуув.
- Зарцаа хоёр долоо хоногийн өмнө хөөгөөд явуулсан гэж танд хэлээгүй билүү?
Джад сүүлчийн удаа Бурктэй ярьснаа түргэн зуур эргэн санав. Гуравхан хоногийн өмнө Бурк өөрийн зарцтайгаа хэрэлдэж муудалцсанаа их л сүртэй ярьж байсан сан.
- Энэ тухай таны дурсаж байсныг санахгүй байна. Та зарцаа хоёр долоо хоногийн өмнө явуулсан нь лав юм уу? гэж болгоомжтой асуухад,
- Би хэзээ ч эндүүрдэггүй хүн. Та намайг яагаад дэлхийн томоохон компанийн дэд ерөнхийлөгч болсон гэж бодож байна вэ? Яагаад вэ гэвэл би тийм тэнэг хүн |биш шүү, доктор оо, үүнийг битгий мартаарай гэв.
- Та зарцаа яагаад ажлаас нь халсан юм бэ?
- Надад хор идүүлэх гэж оролдсон.
- Яаж тэр вэ?
- Нэг таваг гахайн махтай шарсан өндөгт зөндөө хүнцэл хольсон байсан.
- Та амталж үзсэн юм уу?
- Үгүй л дээ гэж Бурк хамар дороо хүнгэнэв.
- Хортой хоол гэж та яаж мэдсэн юм бэ?
- Хорыг би үнэрээр нь мэддэг.
- Та түүнд юу гэж хэлсэн бэ? гэсэнд Бурк сэтгэл хангалуун инээмсэглэв.
- Юу ч хэлээгүй. Сайн зодсон гэв.
Джадын урам хугарлаа. Бурк арай эртхэн шиг
ирсэн бол энэ хүнд тусалж болох байжээ. Сэтгэц зүйн практикаас үзэхэд өвчтөн аливаа санамсаргүй бодол, холбомжийг үгээр илэрхийлэн аль толгойдоо орсон юм бүхний тухай санаатай бишээр, ухваргүй ярьдаг болсон тийм үед соёл иргэншлийн нимгэхэн хальс хагаран балар битүү ой ширэнгэд нуугдан байсан зэрлэг араатны адил дотоод ухамсрын гүнд нуугдан байсан бүдүүлэг муухай хүсэл тачаал, сэтгэл хөдлөлд зам тавьж өгдөг байна. Бүх бодлоо үгээр чөлөөтэй илэр хийлэх нь сэтгэц зүйн үйл явцад анхны алхам болно. Буркийн тухайд гэвэл энэ алхам нь өөд нь хаясан чулуу, өөрийн толгой дээр гэдэгтэй адил болжээ. Доктор Стивенстэй ярилцсан нь Буркийн дотор ухамсрын гүнд оршин байсан догшин харгис муу авьяасыг сулласан байна. Уг нь доктортой уулзах бүрийн дараа Буркийн биеийн байдал сайжирч байх шиг санагдаж, түүний эсрэг ямар нэг хуйвалдаан байхгүй, зүгээр мэдрэлийн ядаргаа болсон байна гэсэн Джадын үгийг зөвшөөрч байв. Одоо нэн удахгүй гүнзгий задлан шинжлэхэд шилжин орж, өвчний шалтгааныг илрүүлэн арилгана гэж Джад найдаж байв. Гэтэл Бурк энэ бүх үеийн турш худлаа хэлээд байсан аж. Джадыг өөрийн эсрэг хуйвалдагчдын нэг биш байгаа даа гэж шалгаж, байсан байна. Одоо ингээд Харрисон Бурк хэзээ ч тэсэрч мэдэх цагийн оньс бүхий галт бөмбөг болж хувирсан байна. Буркэд ойрын төрөл садан байхгүй! Тэгэхлээр компанийн ерөнхийлөгчид нь хэлэх хэрэгтэй болно. Энэ бол Бурк албан ажил хийдэг хөг өнгөрнө гэсэн үг. Түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт явуулна. Буркийг орчин тойрныхондоо аюултай байж болох хүн гэж Джадын бодож байгаа нь зөв болов уу? Хэн нэг хүнтэй зөвлөж ярилцвал сайн сан. Гэтэл Бурк үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Джад өөрөө л шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгож байлаа.
- Харрисон! Та надад нэг ам өгнө байгаа.
- Чухам юу юм бэ? гэж Бурк сэжигтэйхэн асуув.
- Тэд таныг мэхлэх гэж оролдвол, таны өөдөөс хүч хэрэглэх гэвэл таныг нэг газар барьж авах хэрэгтэй болно. Та бол тэдэнд баригдахааргүй арга зальтай хүн.
Тэд нар таныг яаж өдлөө ч гэсэн тэдний өөдөөс битгий хүч хэрэглээрэй. Ганц гуйх юм энэ. Таныг гар хөдлөхгүй бол тэд танд гар хүрэхгүй гэсэнд Буркийн нүд гялалзан,
- Ай Тэнгэр! Таны зөв л дөө. Тэд ийм төлөвлөгөөтэй байж шүү. Бид түүнийг нь мэдээд авлаа, тийм үү?
Хүлээх өрөөний үүд онгойхыг Джад сонсоод цаг харвал дараагийн өвчтөн ирэх цаг болсон байлаа.
- Өнөөдөртөө ингээд болох биз гэж доктор хэлээд дуу хураагуураа таслав.
- Та бүгдийг нь хальсанд бичиж авдаг юм уу? гэж Бурк итгэж ядан асуув.
- Үг бүрийг ... гэж Джад хариулаад хэсэг дуугүй байсны дараа,
- Та өнөөдөр ажилдаа очсоны хэрэггүй байх. Гэртээ хариад нэг жаахан амрахад яах вэ дээ гэсэнд Бурк цөхрөнгөө барсан байдалтай үрчилзэж,
- Болохгүй. Хэрэв би ажлынхаа өрөөнд очихгүй бол тэд нар үүднээс нь миний нэртэй пайзыг даруй авч, өөр нэртэй пайз зүүнэ ... гээд Джад тийш тонгойн,
- Болгоомжтой байгаарай. Тэд нар таныг миний дотнын нөхөр гэж мэдвэл таныг ч хөнөөх гэж оролдоно шүү гэлээ.
Бурк босож, гудам руу гарсан хаалганы дэргэд очиж, жаахан онгойлгож болгоомжтой шагайгаад дараа нь өрөөнөөс гарч одов.
Джад хойноос нь харж байхдаа Харрисон Буркийн асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистойг эргэцүүлэн бодож үзэв. Энэ хүн хагас жилийн өмнө ирсэн бол ч ... доктор Джадын толгойд гэнэт нэгэн бодол харван орж ирлээ. Харрисон Бурк нэгэнт алуурчин болсон байвал яах вэ? Энэ хүн Жон Хансен, Кэрол Робертс нарын үхэлд хамаатай юм биш биз? Бурк, Хансен хоёр хоёул Джадын өвчтэн. Энэ хоёр хоорондоо уулзсан байж болох юм. Сүүлийн үед Бурк хэд хэдэн удаа Хансены дараагаар ирж байсан. Хожимдох нь олон байдаг Хансеныг гудамжинд явж байхад нь хараад өөрийн хойноос мөрдөн заналхийлж байгаа юм шигээр хоосон сэжиглэсэн байж болох юм. Кэролын тухайд гэвэл Бурк үзүүлэхээр ирэх бүрдээ бүсгүйтэй уулздаг. Тэгээд энэ бүсгүйг өөрийн аминд аюул учруулж байна, гагцхүү Кэролыг устгаснаар аюулыг зайлуулж болно гэж хийрхэн бодсон байвал яана? Бурк ийм өвчин тусаад хэр удаж байгаа юм бол? Эхнэр, гурван хүүхэд нь санамсаргүй тохиолдлоор амь үрэгдсэн. Санамсаргүй тохиолдол мөн юм болов уу? Нарийн сайн мэдэх хэрэгтэй байна ... Джад хүлээх өрөөний үүдэнд очиж онгойлгон,
- Орогтун! гэв.
Анна Блейк гунхалзан босож, өөдөөс нь инээмсэглэн орж ирлээ. Джад энэ бүсгүйтэй эдүгээ анх уулзсантайгаа адил зүрх нь түргэн түргэн цохилоо. Элизабетээс хойш эмэгтэй хүнийг зөвхөн ажил мэргэжлийнхээ үүднээс сонирхохоор хязгаарлаагүй нь энэ.
Гайхалтай нь гэвэл Элизабет, Анна хоёрын гадаад төрх байдалд адил төсөөтэй юм огт байхгүй. Элизабет намхан нуруутай, цэнхэр нүдтэй, цайвар шар үстэй байсан. Анна урт хар сормуусаар хүрээлэгдсэн юм алаг нүдтэй, хар үстэй өндөр хүүхэн. Анна Эзэнт улсын үеийн ромын гоо үзэсгэлэн төгс сурвалжит хадагтайг санагдуулах бөгөөд хэрэв нүднээс нь усгал дулаан илч цацардаггүй сэн бол хүн хавьтуулахгүй хатуу сэтгэлтэй болов уу гэмээр. Джад урьд өмнө ийм гоо үзэсгэлэнт хүүхэнтэй уулзаж байсангүй. Гэхдээ хүүхний гоо үзэсгэлэн Джадын анхаарлыг татсан нь бус. Джад энэ хүүхнийг насан турш мэддэг байсан юм шиг нэгэн жигтэй хачин сэрэл сэтгэл түүн тийш татаад байлаа. Тэгээд аль хэдийнэ унтарсан юм шиг санагдаж байсан хүслийн гал нь сэргэж ирэхийг өөрөө ч гайхав.
Анна гурван долоо хоногийн өмнө Джадын хүлээх өрөөнд анх хүрч иржээ. Кэрол түүнд докторын цаг нь минут минутаар нарийн хуваарьтай байдаг, шинэ өвчтөн хүлээж авах бололцоогүй гэдгийг учирлан тайлбарласан байна. Анна хүлээх зөвшөөрөл өгөхийг хүсээд хүлээх өрөөнд хоёр цаг суухад нь Кэрол сүүлдээ түүнийг өрөвдөөд доктор дээр оруулсан ажээ. Джад Аннаг хармагцаа бие нь хөшиж орхиод эхний хэдэн минутад юун тухай ярьснаа хожим нь санахгүй байжээ. Гагцхүү бүсгүйг суугтун гэж уриад нэр овгийг нь Анна Блейк гэдгийг мэдэж авснаа санаж байв. Ямар асуудал бэрхшээл байгааг асуухад Анна хэсэг эргэлзээд хэлж мэдэхгүй байна гэсэн юм. Эмчийн мэргэжилтэй найз нарын нэг нь Джадыг тус орны шилдэг сайн сэтгэл зүйч гэж хэлсэн учир Анна ирж үзүүлэхээр шийдсэн юмсанж. Тэр найзын нь нэрийг асуухад Анна булзааруулаад өнгөрчээ. Ер нь Анна Джадын нэрийг утасны лавлах дэвтрээс олсон байж болох юм гэж доктор бодов.
Джад үстэй толгойноосоо их ажилтай, шинэ өвчтөн нэмж авах бололцоогүй гэж хэлээд өөр мэргэжилтэнд үзүүлэхийг зөвлөсөнд Анна гагцхүү Джадаар эмчлүүлэх хүсэлтэй гэж зүтгэв. Джад эцэст нь бууж өгчээ. Дотоод сэтгэлийн үл мэдэгхэн түгшүүр ийг нь эс тооцвол Анна туйлын тайван дөлгөөн хүн шиг санагдсан учир асуудал бэрхшээл нь онцын төвөггүй юм байгаа болов уу гэж доктор бодлоо. Джад бусад докторын өгсөн бичиггүйгээр хэзээ ч өвчтөн хүлээж авахгүй гэсэн дүрмээ зөрчин үдийн цайны нэг цагийн завсарлагаагаа Аннад зориулах болов. Анна долоо хоногт хоёр удаа ирдэг ч гэсэн Джадад одоо түүний тухай анх уулзсанаасаа илүү мэдэх юм байхгүй аж. Харин Джад өөрийн тухай бага сага юм олж мэдсэн нь Элизабетийн нас барснаас хойш анх удаа дурлачихжээ.


Top
   
PostPosted: Jun.03.16 2:10 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Джад Аннагаас нөхөртөө хайртай юу гэж асуучихаад "хайргүй" гэсэн хариу сонсохыг хүсэж байгаа гаа мэдэж, өөрийгөө үзэн ядаж билээ. Анна "Хайртай. Манай нөхөр их чадалтай, сайн хүн" гэж хэлсэн байна.
- Та хаана тррсөн бэ?
- Рибьерт, Бостоны ойролцоо жижиг хотод.
- Эцэг, эх чинь эсэн мэнд үү?
- Эцэг амьд. Эх маань намайг арван хоёр настай байхад зүрхний өвчнөөр нас барсан.
- Эцэг эх хоёр чинь эвтэй сайн байсан уу?
- Тийм ээ. Бие биедээ их хайртай байсан.
"Энэ ч ил байна"гэж Джад баярлан бодов. Дандаа
сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүстэй харилцаж байсны дараа Аннатай ярихад зуны аагим халуун өдөр хаврын
дунд сарын цэнгэг сэрүүн агаар амьсгалсантай адил санагдаж байлаа.
- Тa ах дүү олуул уу?
- Үгүй ээ. Би айлын ганц хүүхэд. Тэр мөртөө эрх танхи хэмээн Анна хариулаад өчүүхэн ч худал хэлж байгаа юм уу, маяглаж байгаа шинжгүй, үнэн сэтгэлээсээ найрсгаар инээмсэглэв.
Анна төрийн аппаратад ажилладаг эцэгтэйгээ хамт гадаадад удаан хугацаагаар сууж байсан, эцэг нь дахин эхнэр авч, Калифорнид шилжин суусны дараа Анна өөрөө НҮБ-д орчуулагч болсон тухайгаа ярив. Анна франц, итали, испани хэл чөлөөтэй эзэмшсэн байна. Ирээдүйн нөхөртэйгээ Флоридад амралтын үеэр танилцжээ. Нөхөр нь ямар нэг барилгын пүүсийн эзэн гэнэ. Тэр хүн анхандаа Аннад онцын их сэтгэгдэл төрүүлэхгүй байсан ч гэсэн салахгүй шалсаар байгаад хоёр сарын дараа Анна түүнтэй ханилан суусан байна.
Тэд Нью-Жерсид суудаг байжээ. Тэгээд хагас жил хамт амьдарсны дараа сэтгэл зүйч эмчид ирж үзүүлсэн нь энэ.
Гурван долоо хоноийн дотор Джадын мэдэж чадсан зүйл гэвэл ердөө энэхэн. Аннагийн асуудал бэрхшээл чухам юунд байгааг Джад одоо болтол ойлгохгүй байлаа. Анна түүний бүх хүчин чармайлтанд саад тавина. Анх уулзах үед тавьсан зарим асуултаа Джад одоо ч санаж байна.
- Миссис Блейк та нөхрөөсөө болоод энд ирсэн юм уу? Та нөхрийгөө ханийн бат журмыг алддаг гэж сэжиглэж байгаа юм уу? гэхэд,
- Үгүй гэж гайхан хариулсан.
- Танд нууц амраг бий юу? гэхэд,
- Байхгүй гэж ууртай хариулсан.
Джад эмч Аннагийн сэтгэлгээний саад хашлагыг давж гарах хамгийн аятайхан арга эрэлхийлэн бодож үзээд эмзэг газрыг нь олохын тулд хамгийн олонтоо тохиолддог гол гол асуудал бэрхшээлийг лавлаж тодруулахаар шийджээ.
- Та хоёр мөнгөнөөс болж муудалцсан уу?
- Үгүй. Нөхөр маань их өгөөмөр.
- Төрөл садантай нь шөргөөлцөлдөх явдал байсан,
уу?
- Нөхөр маань өнчин хүн. Манай эцэг Калифорнид суудаг.
- Та өөрөө юм уу, нөхөр чинь мансууруулах бодис хэрэглэдэг үү?
- Үгүй.
Джад архинд орсон, бэлгийн дур сонирхол муу, жирэмслэхээс айдаг гэх мэт байж болох бүх зүйлийг асуужээ. Асуух бүрд Анна өөдөөс нь ширтэн толгой сэгсрэх буюу ганц үгээр хариулж байлаа. Докторыг жаахан шалж шаардаад байвал хорьж зогсоогоод"Та надтай тэвчээртэй харилцана уу. Намайг яаруулах хэрэггүй" гэж хэлдэг байв.
Өөр хүн байсан бол Джад аль хэдийнэ бууж өгөх байсан сан. Аннад тус болохыг хүсэж байлаа. Энэ хүүхэнтэй цаашид уулзаж байхыг бүр илүү их хүсэж байв.
Одоо ярианы сэдвийг хүүхэн өөрөө шилж сонгох болсон ажээ. Анна эцэгтэйгээ хамт арав гаруй улс оронд очиж, олон сонин сайхан хүнтэй уулзаж учирч явжээ. Аннагийн ухаан хурц сэргэлэн, хошин шогийг ухаарах мэдрэмж нарийн. Ярьж байхад Джад, Анна хоёрын сонирхдог ном, хөгжмийн зохиол, театрын жүжиг адил байлаа. Анна Джадад их элгэмсэг дотно хандах боловч гагцхүү эмчийн нь хувьд хүлээж авна. Мөн инээдэмтэй болоод гунигтайяа! Джад энэ бүх жилүүдийн турш дотоод сэтгэлийнхээ гүнд чухам л Анна шиг ийм хүүхнийг эрж байсан юм. Ашгүй нэг олсон чинь сэтгэлийг нь догдлуулж буй асуудал бэрхшээлийн нь учрыг олж, эр нөхөр дээр нь буцааж явуулах ёстой болж байна.
Аннаг ажлынх нь өрөөнд орж ирэхэд Джад буйдан орны хажуу дахь сандалд суугаад Аннагийн хэвтэхийг хүлээв.
- Би өнөөдөр танд тус болж чадах юм байдаг болов уу, мэдэх гэж ирсэн юм, Кэрол надад их таалагддаг байсан. Түүнийг алах нь хэнд хэрэгтэй байв? гэж аяархан өгүүлжээ.
- Мэдэхгүй байна.
- Цагдаагийнханд сэжиглэж байгаа хүн бий юу?
"Байхаар барах уу? " гэж Джад гашуудан бодоод,
- Цагдаагийнханд зарим нэг таамаглал бий гэв.
- Танд хэчнээн хэцүү байгааг төсөөлж байна. Ийм явдал болсонд их харамсаж байгаагаа хэлэх л гэж ирсэн юм. Таныг өнөөдөр ажилдаа ирэх болов уу, үгүй болов уу, мэдээгүй байсан.
- Би ажилдаа ирэхээ болих юм уу гэж бодож байсан ... Гэсэн ч за ер нь хүрээд ирсэн минь энэ. Та бид нэгэнт уулзсаных, таны тухай жаахан яривал яасан юм бэ? гэсэнд Анна хэсэг эргэлзээд,
- Бидэнд ярих юм олдоно гэж сайн итгэхгүй байна
гэв.
Джад зүрх нь пал хийхийг мэдрэв. Энэ хүүхэн өөртэйгөө дахин уулзахгүй гэж хэлэх гээд байна уу даа?
- Ирэх долоо хоногт би нөхөртэйгөө Европ орох санаатай байгаа.
- Сайхан хэрэг ээ хэмээн хариулах өөрийн дууг Джад сонсов.
- Би доктор Стивенс таны их цагийн дэмий үрсэн болов уу гэж айж байна. Намайг уучлаарай.
- Зүгээр, зүгээр.
Джад Стивенсийн сэтгэл догдолсондоо хоолой нь сөөнгөтөв. Энэ хүүхэн ингээд бүрмөсөн явах гэж байна ... Анна цүнхээ онгойлгон мөнгө гаргаж ирэв. Бусад өвчтөн нар ажлын нь хөлсийг чекээр төлдөг бол Анна дандаа бэлэн мөнгө өгдөг билээ.
- Хэрэггүй. Та сайн нөхрийн хувьд ирсэн байна. Танд ... баярлалаа гэж Джад хэлээд бусад өвчтөнтэй бол яагаад ч ёс алддаггүйгээ нэг алдаж,
- Та дахиад нэг ирвэл яасан юм бэ? гэж бөвтнөв.
- Яах юм бэ?
"Яагаад вэ гэвэл чамайг бүрмөсөн яваад өгнө гэж бодохоос тэсэхийн аргагүй байна. Яагаад вэ гэвэл надад дахиад чам шиг хүүхэн олдохгүй. Яагаад вэ гэвэл чамтай эртхэн уулзаагүйдээ харамсаж байна. Яагаад вэ гэвэл би чамд сэтгэлтэй" гэж Джад дотроо бодоод,
- Бид ... дүнгээ гаргаж болох юм. Таны бүх юм зохих ёсоороо байгаа гэж баттай мэдье гэсэнд Анна инээмсэглээд,
- Та төгсөлтийн үдэшлэг хийх гэж байна уу? гэв.
- Бараг тиймэрхүү юм. Яриа таарах шив?
- Нэгэнт та шаардаж байгаа болохоор тийм гээд Анна дэргэд нь очиж,
- Би танд үргэлж саад болж байлаа. Доктор Стивенс та маш сайн мэргэжилтэн юм. Надад тусламж хэрэгтэй болбол заавал танд хэлнэ гээд гараа сунгахад нь Джад хүндэтгэлтэй барив.
- Би Баасанд ирнэ гэж Аннагийн хэлэхэд,
- Баасанд ... гэж Джад цуурай мэт давтав.
Хүүхэн хаалга онгойлгон гарч одохыг хойноос нь суулаа. Джад хэзээ ч ийнхүү ганцаардаж байсангүй. Одоо зүгээр суугаад байж болохгүй. Асуултын хариуг олох хэрэгтэй. Макгрейви өөрийг нь сүйд хийхийн өмнө үүнийг гүйцэтгэх ёстой. Дэслэгч Макгрейви доктор Стивенсийг хоёр хүн алсан хэмээн сэжиглэж байгаа. Джад өөрийн гэм буруугүйг нотолж чадахгүй. Джадыг хэдийд ч баривчилж болзошгүй. Баривчлагдах юм бол мэргэжлийнхээ ажлыг хийх найдваргүй болно. Хажууд нь бас нөхөртэй хүүхэнд дурлачихсан байдаг. Баасан гаригаас хойш тэр хүүхний барааг олж харахгүй.


Top
   
PostPosted: Jun.04.16 12:49 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
өө ямар сонирхолтой ном эхлээ вэ, баярлалаа, дараагийнхийг нь хүлээж байя


Top
   
PostPosted: Jun.05.16 11:37 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Тавдугаар бүлэг

Өдрийн үлдсэн хэсгийг манан будан дунд өнгөрүүлсэн мэт болов. Хэдэн өвчтөн Кэролын алагдсан тухай хальт дурссан боловч үндсэндээ зөвхөн өөрсдийн тухай, өөрсдийн бэрхшээл зовлонгийн тухай бодож байлаа. Джад анхаарлаа төлөвшүүлэх гэж оролдсон боловч бодол санаа нь тэртээ хол бэлчин бий болсон байдлаас гарах арга мөр эрэлхийлж байв. Джад оройн долоод сүүлчийн өвчтөнийг үдэж гаргаад эргэнэгийн дэргэд очиж, дан виски хийж авлаа. Архины охь тэр даруй толгойд нь гарч, өглөөнөөс хойш хэлэн дээрээ юм тавиагүйгээ сая санав. Идэх юм бодохтой зэрэг дотор нь муухай болж бөөлжис хутгав. Джад зөөлөн сандалд сууж бодол боллоо. Түүний өвчтөнүүдийн өвчний түүхэнд хүний амь насанд хүрэхээр юм байхгүй. Ямар нэг сүрдүүлэн шахагч нар голдуу аймхай хүмүүс байдаг болохоор бусдын сул дорой талыг ашигладаг. Тийм болохоор айсан хүн хүн ална гэгчээр гэмт этгээд ийг муу хэргээ үйлдэж байхад Кэрол тааралдсан бол айсандаа түүнийг алж болох юм. Гэхдээ түргэн зуур ганц цохиод зүйл дуусгах байсан. Түүнийг эрүүдэн тамлах учиргүй ... Өөр тайлбар эрэх хэрэгтэй байна. Джад сүүлийн хоёр өдрийн хэрэг явдлыг эргэцүүлэн бодож удаан суулаа. Эцэст нь цөхрөнгөө барж, санаа алдаад босов. Цаг харвал хэдийнэ орой болсон байлаа. Джад байшингаас арван цагт сая гарав. Гадаа мөс шиг жихүүн салхи үлээж, дахин цас орж байлаа. Лексингтон-авенюгийн эсрэг талын дэлгүүрийн цонхон дахь улаан-цагаан гэрэлт сурталчилгаа нь "Зул сарын бэлэг авахад зургаахан хоног үлдлээ" сануулан байв.
Машин харагдахгүй болохоор нь Джад гудамж хөндлөн гарахаар шийдэж, шууд гарааш руугаа явж байснаа гэнэт ард нь чимээ гарахыг сонсоод эргэж харвал гэрлээ унтраасан том машин ойртон ирж явав. Тэдний хооронд арваад футийн зай үлджээ. "Согтуу маанаг!" гэж Джад бодоод явган зам дээр гүйж гарлаа. Машин хурдаа нэмэн хойноос нь дагав. Жолооч нь түүнийг дайрах гэж байгааг доктор хэтэрхий хожуу ойлгожээ.
Хамгийн сүүлд нуруу руу нь хүчтэй мөргөснийг санаж байлаа. Толгойд нь тэсэрсэн олон одны хурц гэрэлд гудамж агшин зуур гэрэлтэв. Энэхэн хоромд бүх юм түүнд тодорхой боллоо. Жон Хансен, Кэрол Робертс хоёрыг яах гэж алсныг ойлгоод, баярлах сэтгэл цээж дүүрлээ. Бүгдийг нь дэслэгч Макгрейвид хэлэх хэрэгтэй. Гэрэл унтарч, гагцхүү чимээ аниргүй харанхуй шөнө үлдэв.

* * *

Цагдаагийн арван есдүгээр хэсгийг гаднаас нь харахад дунд сургуулийн байшинг санагдуулна. Улаан тоосго нь хагарч, шавардлага нь холцорч, мөг хөвөө нь тагтааны сангас болжээ. Энэ цагдаагийн хэсэг нь 59 дүгээр гудамжнаас 86 дугаар гудамж хүртэл, Тав дугаар авеньюгаас Ист-Ривер хүртэл Манхеттений нутаг дэвсгэрийг хянан цагдана.
Явган хүнийг дайрсан тухай мэдээг арван цаг өнгөрч байхад жижүүр хүлээн авч, эмнэлгийг мөрдөгчдийн товчоотой холбож өгчээ. Арван есдүгээр хэсгийн хувьд хэцүүхэн шөнө боллоо. Цаг агаарын байдлаас шалтгаалан хулгай дээрэм, хүчингийн хэрэг эрс олширчээ. Гудамжнууд мөс шиг хүйтэн цөл болон хувирч, танхай балмад этгээдүүд гэр орон руугаа гэлдэрч яваа ганц нэг хүнийг уулгалан хэлмэгдүүлж байв. Мөрдөгчдийн товчоонд Френк Анжели, гал тавьсан хэрэгт сэжиглэгдсэн хүнийг байцааж буй түрүүч хоёр байв. Бусад нь бүгд яаралтай дуудлаганд явцгаажээ. Утас дуугарахад Анжели харилцуур авлаа. Машинд дайруулсан хүн дэслэгч Макгрейвийг асууж байна гэж эмнэлгийн сувилагч хэллээ. Дэслэгч архивт орсон байж. Сувилагч хүүхэн Анжелид хохирогчийн нэр усыг хэлж өгөхөд мөрдөгч одоохон очно гэж амлалаа. Анжелийг харилцуур тавьж байхад үүд онгойн Макгрейви орж ирэв.
- Явах хэрэгтэй боллоо гэж Анжели хэлээд жижүүрийн сувилагчтай ярьсан зүйлийнхээ агуулгыг дэслэгчид илтгэсэнд,
- Тэр хүн хүлээж байг. Эхлээд харьяа нутаг дэвсгэрт нь уг хэрэг гарсан хэсгийн ахмадтай ярих хэрэгтэй байна гэж Макгрейви бөвтнөв.
Дэслэгчийн утас залгаж байгааг Анжели харж байхдаа өнөө өглөө ахмад Бертеллитэй уулзаж ярилцсаныг нь мэдэж байгаа болов уу, үгүй болов уу гэж бодов. Их товчхон яриа болсон юмсанж.
- Дэслэгч Макгрейви сайн цагдаа. Харин таван жилийн өмнөх явдлыг одоо хүртэл араандаа зуугаад байгаа бололтой хэмээн Анжелийг хэлэхэд нь ахмад өөдөөс нь дурамжхан харж,
- Дэслэгчийг доктор Джад Стивенсээс өс хонзон авах санаатай байна гэж та зэмлэж байна уу? гэжээ.
-Би түүнийг зэмлэж байгаа юм биш. Зүгээр танд энэ тухай хэлэх гэсэн юм.
- О кэй. Одоо мэдлээ.
Макгрейвийг гурван минут утсаар ярихад Анжели гэсэж ядсан байдалтай өрөөн дотуур холхиж байлаа. Дахиад арван минутын дараа тэд эргүүлийн машинаар эмнэлэг рүү явж байв.
Доктор Стивенсийг аливаа эмнэлгийн нэгэн адил эмийн нялуувтар үнэр нэвт шингэсэн урт гудмын цаад захад, бага шиг тасагт хэвтүүлжээ.
Жижүүрийн сувилагч мөрдөгч нарыг Джад дээр дагуулж аваачив.
- Бие нь ямар байна вэ, сувилагч аа? гэж мөрдөгч Макгрейвийг асуухад,
- Эмчилж байгаа эмч нь та нарт бүгдийг хэлнэ ... Амьд үлдсэн нь ид шидийн гайхамшиг гэмээр.Тархи нь хөдөлж, цээжний хөндий нь гэмтэж, солгой гар нь хугарсан бололтой гэв.


Top
   
PostPosted: Jun.05.16 11:38 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Тэд зургаан ортой тасагт оров. Сувилагч бүсгүй хөшгөөр халхалж тусгаарласан буланг заалаа. Толгой нь битүү боолттой, солгой гар нь гөлтгөнөтэй, царай нь зэвхий даасан Джад дэрэн дээр хажуулан хэвтэж байв.
- Та санамсаргүй осолд ороо юу даа? гэж Макг рейвийн асуухад,
- Энэ санамсаргүй тохиолдол биш. Хэн нэгэн нь намайг алах гэж оролдлоо хэмээн Джад сул дорой дуугаар хоолойгоо чичрүүлэн хариулав.
- Хэн тэгээ вэ? гэж Анжелийн сонирхоход,
- Мэдэхгүй. Гэхдээ бүгд тохирч байна ... гээд Макгрейвийн өөдөөс харж,
- Жон Хансен, Кэрол Робертс хоёр санамсаргүй тохиолдлоор амь хохирчээ. Алуурчид миний хойноос мөрдөж байгаа юм байна гэв.
- Та юун дээрээс ингэж бодов? гэж дэслэгчийн гайхан асуухад,
- Хансеныг миний шар хүрэмтэй явсан болохоор нь алжээ. Намайг ажилдаа шар хүрэмтэй ирэхийг тэд харсан бололтой. Тэгээд Хансеныг надтай андуурсан байна.
- Магадгүй юм даа гэж Анжели өгүүлэв.
- Нээрээ тийм байж болох юм гэж Макгрейви зөвшөөрөөд Джад тийш эргэж,
- Тэд нар алах гэсэн хүнээ алаагүйг мэдээд таны ажлын өрөөнд дайран орж, хувцсыг чинь тайчин таныг хар хүүхэн юм байна гэж ойлгоод хорсон хилэгнэсэндээ галзууран таныг үхтэл жанчсан болж байна уу? гэж егөөдөн асуув.
- Намайг байж байна гэж бодсон газар Кэролыг байж байхаар түүнийг алсан байна.
Макгрейви дотуур халааснаасаа хэдэн хуудас цаac гаргаж,
- Би наашаа ирэхийн өмнө харьяа нутаг дэвсгэрт нь энэ санамсаргүй хэрэг гарсан цагдаагийн хэсгийн ахмадтай уулзаж ярилцсан юм гэв.
- Энэ санамсаргүй хэрэг биш.
- Эргүүлийн хүний мэдүүлснээр бол та машин зам п дээгүүр явж байсан байна.
- Машины зам дээгүүр ий? хэмээн Джад дорой дуугаар лавлав.
- Доктор та зам хөндлөн гарч болдоггүй газраар явж байсан байна.
- Нэг ч машин байгаагүй юм. Тэгээд ... гэсэнд Млкгрейви үгийг нь тасалж,
- Нэг машин явж байсныг та харсангүй. Цас орж юм харагдах нь тун муу байсан учир жолооч нь таныг хараагүй байна. Таныг гэнэт хараад тоормосоо гишгэсэн боловч зам халтиргаатай байсан учир гулсаж таныг дайрсан байна. Жолооч нь айгаад зугтжээ.
- Огт өөр юм болсон.Тэр машин гэрлээ асаагаагүй давхиж явсан.
- Та үүнийг тэр хүн Хансен, Кэрол Робертс хоёрыг алсны нотолгоо гэж үзэж байна уу?
- Нэг хүн намайг алах гэж оролдсон нь үнэн гэж Джад өөрийнхөөрөө зүтгэв. Макгрейви толгой сэгсрээд,
- Тэр бүтэхгүй, доктор оо гэв.
- Юу бүтэхгүй гэж?
- Би таны хоосон санаанаасаа зохиосон алуурчин гэдгийг эрэх ёстой болж байна уу? Тэр хооронд та өөрөө алга болоод өгөх үү? гэж Макгрейви бас л егөөдөх байдалтай асууснаа дууны өнгө нь өөр болж,
- Таны туслах бүсгүй жирэмсэн байсныг та мэдэж байсан уу? гэж асуув.
Джад нүдээ аньж, дэрээ налан гэдийв. Кэрол өөртэй нь энэ тухай л ярих гэсэн юм байж. Джадад таамаглал байсан. Харин Макгрейвийн бодлоор бол ...
- Мэдээгүй. Би мэдээгүй байсан гэж мөрдөгчийн өөдөөс ширтэн алжаангуй хариулав.
Джадын толгой нь дахин өвдөж, бүх бие нь хөндүүрлэн янгинаж, дотор нь муухай болон бөөлжис хутгаж байв. Жижүүрийн сувилагч бүсгүйд утасдах юм уу гэснээ Макгрейвид муугаа үзүүлэхийг хүссэнгүй.
Дэслэгч үргэлжлүүлэн,
- Би таны архивыг үзсэн. Таны гарын туслах хар арьст хөөрхөн бүсгүй таны дэргэд ажиллаж эхлэхийн өмнө янхан байсан баримтыг доктор та юу гэж үзэх вэ? Доктор Стивенс та энэ тухай мэдэх үү? Хариулах хэрэггүй. Та бүгдийг мэдэж байсан. Учир нь дөрвөн жилийн өмнө тэр бүсгүйг гудамжинд эрчүүдийг ээрч хоргоосон хэргээр ял тулгагдаад байхад нь та шүүхийн танхимаас авч гарсан байна. Доктор та өчигдөрхөн янхан байсан хүүхнийг тэргүүн зэргийн тусгай мэргэжилтний туслахаар авсан чинь арай дэндсэн юм биш үү? гэлээ.
-Хүн янхан болж төрдөггүй. Би арван зургаан настай жаал охинд амьдралынхаа замыг олоход нь туслах гэсэн юм гэж Джадын хариулахад Макгрейви мушийн инээвхийлээд тасгаас гарч оджээ.
Джадын толгой дотор уурын алх нүдэж байгаа юм шиг байлаа.
- Таны бие зүгээр үү? хэмээн Анжелийн сэтгэл түгшин асуув.
- Та нар надад туслах гэж ирсэн юм байгаа биз.
Нэг хүн намайг алах гэж оролдсон.
- Доктор та хэн нэг хүнийг сэжиглэж байна уу?
- Үгүй.
- Танд өстөн дайсан бий юу?
- Байхгүй.
- Танайх их мөнгөтэй юу? Өв залгамжлагч нар чинь таныг замаасаа зайлуулах гэж байгаа юм биш биз?
- Үгүй.
- О кэй. Тэгэхлээр таныг замаасаа зайлуулах гэж хүсэх хүн байхгүй юм байна. Таны өвчтөн нар ямар вэ? Та тэдний нэрсийн жагсаалтыг өгвөл бид шалгаж болох юм.
- Надад тийм эрх байхгүй гэсэнд Анжели эмчийн өөдөөс ажин шинжсэн байдалтай харж байснаа,
- Эд нар бүгдээрээ намайг алах гэж байна гэж боддог хүнийг та юу гэж нэрлэх вэ? хэмээн асуухад нь,
- Мөрдөгдөж байна гэсэн солиотой хүн ... гэж Джад хэлээд Анжелийн царайн байдлыг харж түгдрэн зогсоод,
- Та намайг ... гэсэнд цагдаа үгийг нь тасалж,
- Доктор та намайг өөрийнхөө оронд тавиад үзээч. Намайг энэ орон дээр хэвтэж байгаад иймэрхүү юм яривал та эмчийн хувьд юу гэх вэ? гэв.
Джадын толгой нь лугшин өвдөж, нүдээ анив.
- Макгрейви намайг хүлээж байгаа гэж Анжели сануулав.
- Байзаарай! Надад өөрийн зөвийг нотлох боломж олгоно уу.
- Яаж?
- Намайг алах гэсэн хүмүүс ингээд болихгүй. Миний дэргэд нэг хүн байлгаж байхыг хүсье. Тэгвэл дараачийн удаа намайг алах гэж оролдоход нь бариад авч болно.
Анжели гунигтайхан инээмсэглээд,
- Доктор Стивенс ээ! Хэрвээ хэн нэг хүн таныг үнэхээр алах гэж байгаа бол үүнийг дэлхийн бүх цагдаа ч сэрэмжлэн зайлуулж чадахгүй. Тэд нар таныг өнөөдөр хөнөөж чаддаггүй юм гэхэд маргааш санасандаа хүрнэ. Тэд нар Нью-Йоркт хар хэргээ хийж чадахгүй бол өөр газар хийнэ. Тэгэхдээ та эзэн ван, ерөнхийлөгч, жирийн ажилчин байна уу, хэн байх нь хамаагүй. Хүний амь хэмээгч утсан чинээ нарийхан байдаг. Түүнийг таслахад төвөг орохгүй гэв.
- Та нар юу ч хийж чадахгүй юм уу?
- Танд нэг юм зөвлөж хэлье. Байрныхаа хаалганы цоожийг сольж, бүх цонхоор сайн шалгаарай. Ямар ч байсан байрандаа танихгүй хүн битгий оруулагтун. Хэнийг ч...
Джадын ам завааран толгой дохив. Анжели,
- Танай орцонд хаалгач, цахилгаан шатны үйлчлэгч бий юу? Тэд итгэлтэй хүмүүс үү? гэж лавлав.
- Хаалгач нь манайд арван жил, үйлчлэгч нь ес орчим жил ажиллаж байгаа. Би тэр хоёрт бүрэн итгэдэг гэсэнд Анжели сайшаан толгой дохиод,
- Сайн байна. Тэднийгээ сэрэмжтэй байгтун гэж хэлээрэй. Тэд болгоомжтой байвал хэн нэг хүн танайд мэдэгдэхгүй орж чадах нь юу л бол гээд Анжели явахаар завдан цааш эргэснээ түдэн зогсож,
- Надад нэг санал байна. Гэхдээ эргэлзээтэй, юм болохгүй байж магад гэв.
- Юу вэ? гэж Джад сонирхов.
- Макгрейвийн туслахыг алсан тэр хүн. . .
- Зиффрен.
- Нээрээ солиотой хүн юм уу?
- Тийм ээ. Түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэмт хэрэгтний эмнэлэгт явуулсан.
- Тэр хүн тэнд хоригдсондоо танд өш өвөрлөсөн байвал яах вэ? Шалгая. Тэндээс зугтаагүй гэдгийг нь лавтай мэдэх хэрэгтэй. Өглөө надад утасдаарай.
- Баярлалаа хэмээн Джадын дотор жаал онгойж хэлэв.
- Энэ бол миний ажил. Хэрэв таныг энэ бүхэнд гэм буруутай бол би таныг илчлэхэд Макгрейвинд тусална гээд дахин явахаар завдан цааш эргэснээ дахин түр саатан зогсож,
- Зиффрений байгаа газрыг шалгах гэж байгааг Макгрейвид мэдэгдэх албагүй гэв.
- Ойлголоо.
Хоёр эр өөд өөдөөсөө харан инээмсэглэхэд, Анжели тасгаас гарч, Джад ганцаар үлдлээ. Үүл өтгөрч байна! Хэрэв нэгэн нөхцөл байдал саад болоогүй бол Джадыг хүн амины хэрэгт сэжиглэн аль хэдийнэ баривчлах байсныг ойлгож байв. Энэ нь Макгрейвийн зан чанар, Макгрейви хонзон авахыг хүсэж байгаа боловч тулгарсан ялыг бат үндэстэй болгож, юм бүхнийг зохих ёсоор нь хийх санаатай байгаа.


Top
   
PostPosted: Jun.05.16 11:39 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Ер нь Лексингтон-авеньюд болсон явдал санамсаргүй тохиолдсон гай байвал яах вэ? Үнэхээр цас орж байсан. Жолооч нь тоормосоо гишгэсэн ч жолоогоо залж чадалгүй, машин нь гулсаад Джадыг дайрсан байж болох уу? Тэгвэл яах гэж гэрлээ асаалгүй давхиж явсан юм бэ? Бас тэр машин ямар янзаар гэнэт дэргэд нь хүрч ирсэн байна вэ? Үгүй дээ, хэн нэг хүн өөрийг нь алах гэсэн. Одоо бас дахин оролдоно гэдгийг Джад лавтай мэдэж байв.Үүнийг бодож байгаад нэг мэдэхэд унтжээ ...
Өглөө эрт эмнэлэгт Петер, Нора Хадли хоёр ирэв. Тэд уг болсон явдлын тухай радиогоор мэдээлэхийг сонссон байжээ.
Намхан нуруутай маш туранхай Петер Джадтай хамт Небраскийн нэг жижигхэн хотод өссөн юм. Бага наснаас эхэлсэн энэ хоёрыг үерхэл эмнэлгийн коллежид сурч байх үед бүр улам батажсан байна.
Таван фут гурван ямх нуруундаа арай ихэдсэн махлаг зузаан биетэй, цайвар шар үстэй Нора англид төржээ. Энэ хөгжил баясгалантай сэргэлэн цовоо хүү хэн ярилцаж байгаа хүнийхээ сэтгэлийг даруй татан дагуулж ганц хоёр минутын дараа түүнтэй насан турш танил байсан мэт санагдаад ирнэ.
Тэд нар хагас цаг энгийн хүүрнэхдээ Кэрол Робертсын тухай дурсахаас зайлсхийцгээв. Жон Хансеныг Джадын өвчтөн гэж Петер, Нора хоёр мэдэхгүй. Макгрейви ямар нэг үл мэдэгдэх шалтгаанаар энэ тухай сонины сурвалжлагч нарт хэлээгүй байна ... Тэднийг явах гэхэд Джад Петерийг түр саатна уу гэж хүсээд Харрисон Буркийн тухай түүнд ярив. Петер харамсан,
- Тоогүй дээ. Түүнийг чам руу явуулахдаа өвчин нь газар авсныг ойлгож байсан ч эмнэлэг авах болов уу гэж найдсан юм. Түүнийг тусгаарлах нь зөв л дөө. Хэдийд тэгэх санаатай байна вэ? гэв.
- Эндээс гармагцаа гэж хариулахдаа худлаа хэлж байгаагаа Джад мэдэж байв. Джад ямар ч гэсэн одоохондоо Буркийг сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлэгт явуулахыг хүсэхгүй. Эхлээд хоёр хүн алсан эсэхийг нь тодруулж мэдэх хэрэгтэй.
- Надаар туслуулах юм байвал утасдаарай, найз аа.
Ингэж хэлээд Петер тасгаас гарав. Джад бий болсон байдлыг бодолхийлэн хэвтэж байлаа. Түүний аминд халдсаны учрыг тайлбарлах ухаалаг тайлбар олдоогүй учир Джадыг өөртөө ямар нэг гэм хор хийсэн мэтээр санаанаас зохион бодсон сэтгэл мэдрэлийн өвчтөн хүн энэ гэмт хэргийг үйлджээ гэсэн дүгнэлт аяндаа гарч ирээд байлаа. Ийм тодорхойлолтод Харрисон Бурк, Амос Зиффрен хоёр орно. Хансений алагдах үед Буркийг хэргийг газар дээр байгаагүй гэсэн нотолгоо олдохгүй бол тэр гайтай өглөө Буркийн юу хийж байсныг тодруулж өгнө үү гэж мөрдөгч Анжелийг гуйна. Буркт хэрэгт холбогдолгүйн баталгаа байвал Зиффренийг шалгах хэрэгтэй болно.
Макгрейвитэй ярилцсаны дараа Джад сэтгэлээр унаад байснаа жаал сэргэв. Юу хийх хэрэгтэйг одоо нэг юм ойлголоо. Тэгээд эмнэлгээс гарахыг тэсэж ядан хүлээв.
Джад жижүүрийн сувилагчид утасдаж, эмчилж байгаа эмчээ дуудаж өгөхийг хүссэнд арван минутын дараа доктор Сеймур Харрис тасагт орж ирэв. Джад энэ эмчийг эртнээс таних агаад мэргэжлийн авьяас чадварыг гүнээ хүндэтгэдэг юм.
- За нойрсож байгаа гоо бүсгүй сэрээ шив. Царай чинь тун базаахгүй байна шүү гэхэд Джад ийм үг сонсcoop хэдийнэ залхсан учир,
- Миний бие сайн байна. Эндээс гарья гэв.
- Хэзээ?
- Одоохон ... гэсэнд доктор Харрис өөдөөс нь зэмлэнгүй харж,
- Чи дөнгөж сая хэвтээд байгаа. Энд хэд хоноход яана гээ вэ? Чамайг уйтгарлуулахгүйн тулд хоёрын зэрэг хөөрхөн сахиул хүүхэн явуулъя гэв.
- Баярлалаа, Сеймур ээ. Би нээрээ явах хэрэгтэй гэсэнд Харрис санаа алдаад,
- О кэй. Найз минь, чи өөрөө эмч хүн. Би хувьд чамайг иймэрхүү байдалтай байхад босохыг ч зөвшөөрмөөргүй байна. Би чамд тусалж чадах юм байна уу? гэхэд нь Джад толгой сэгсрэв.
- За яах вэ, мисс Бедненийг явуулж хувцсыг чинь авчруулъя.
Джадын хүсэлтээр бүртгэх товчооны захиалсан хөлсний машин хагас цагийн дараа ирэв. Джад арван цаг арван таван минутад ажил дээрээ ирлээ.


Top
   
PostPosted: Jun.05.16 11:40 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Зургаадугаар бүлэг

Джад утас авч, Арван есдүгээр хэсгийн утсанд залгав. Жижүүрийн цагдаа түүнийг мөрдөх товчоотой холбож өгсний дараа,
- Дэслэгч Макгрейви сонсож байна гэх бүдүүн дүү сонстов.
- Мөрдөгч Анжелитай ярья.
- Хүлээж байгаарай... гээд нэгэн минутын дараа,
- Би мөрдөгч Анжели байна гэх сонстов.
- Би Джад Стивенс эмч байна. Бидний сонирхож байгаа мэдээллийг олж авсан уу? гэсэнд,
- Асууж лавласан шүү гэж Анжели булзасхийн хариулав. Джадын зүрх булгилан,
- Зиффрен эмнэлэгт байна уу? үгүй юу? хэмээн тэсэж ядан асуув.
"Тэнд байж байна" гэж Анжежлийн хариулахаас өмнө зуун жил өнгөрөх шиг санагдлаа. Джадын урам хугарч,
- Өө! Бүгд тодорхой байна гэж дуу алдав.
- Би их харамсаж байна.
- Баярлалаа! гэж Джад хэлээд харилцуураа тавив.
Одоо хүн болгон намайг алах гэж байна гэж сэжиглэдэг засал авахаа больсон шизофрени өвчтэй Харрисон Бурк үлдлээ. Бурк алсан байж болох уу? Жон Хансен арван нэгд арван минут дутуу байхад эмчийн өрөөнөөс гараад, хэдэн минутын дараа алагдсан. Тэгэхлээр энэ үед Буркийн хаана байсныг тодруулж мэдэх хэрэгтэй. Джад түүний ажлын утсанд залгав.
- "Интернейшл Стил" байна гэж амьгүй автомат уу гэмээр дуу сонстов.
- Мистер Харрисон Бурктай ярья.
- Түр хүлээнэ үү.
Гарын туслах нь харилцуур авах болов уу гэж Джад найдаж байв. Бурк өөрөө утас авах юм бол ...
- Мистер Буркийн ажлын байр байна гэх эмэгтэй хүний дуу сонстов.
- Доктор Джад Стивенс ярьж байна. Танаас ганц нэг юм асуух гэсэн юм.
- Бололгүй яах вэ, доктор Стивенс ээ.
Хүүхний дууны өнгөнд сэтгэл амарсан байдал мэдэгдэхийн сацуу муу мэдээ дуулах болов уу? Бурк энэ хүүхнийг ямар нэг янзаар гомдоосон болов уу?
- Мистер Буркийн мөнгөний тооцоонд хамаатай юм ... гэж Джадын эхлэн өгүүлэхэд бүсгүйн урам хугарсан бололтой.
- Мөнгөний тооцоо гэв үү? гэж лавлав.
- Миний туслах бүсгүй ... за ... одоо энд ажиллахаа больсон юм л даа. Би бичгийг нь гаргадаг гүй. Мистер Буркийг даваа гаригийн өглөө арав гучид над дээр ирж үзүүлсэн гэж тэмдэглэсэн байх юм.
Ирснийг нь би санахгүй байна. Та түүний тэр өдрийн цагийн хуваарийг үзээд өгөхгүй юу?
- Түр хүлээнэ үү гэж хүүхэн зэмлэсэн байдалтай дуугарав.
Джад түүний бодлыг таамаглаж байлаа. Дарга нь ухаан солиотой болж байхад сэтгэл зүйч эмч нь мөнгө л авахаас өөр юм боддоггүй байна шүү. Хэдэн минутын дараа хүүхэн дахин харилцуур авч,
- Доктор Стивенс таны туслах эндүүрсэн шиг байна. Мистер Бурк даваа гаригийн өглөө тан дээр очсон байх боломжгүй юм байна гэв.
- Лав юм уу? Манай туслахын дэвтэрт бичсэнээр арав гучаас ... гэсэнд Буркийн туслах бүсгүйг үгийг нь эвтэйхэн тасалж,
- Тэнд юу гэж бичсэн нь надад ямар хамаа байх вэ дээ, доктор оо. Даваа гаригийн өглөө мистер Бурк зөвлөлгөөн хийлгэсэн. Зөвлөлгөөн найман цагт эхэлсэн юм гэв.
- Бурк нэг цаг гадагшаа түр гарсан байж болох уу? гэсэнд гарын туслах хүүхний дууны өнгөнд зэмлэсэн аяс илт сонстон,
- Тийм байх аргагүй. Мистер Бурк ажлынхаа өрөөнөөс ер гардаггүй юм. Өвчтэй хүн шүү дээ, та мэднэ. Та түүнд туслахын тулд юу хийж байна вэ? гэжээ.
Ингээд Джад буруу бодсон байна. Зиффрен биш, Харрисон ч биш юм. Тэгвэл хэн бэ? Джад эхэлсэн цэг дээрээ дахин эргэн ирж, тойрог битүүрлээ. Хэн нэг хүн докторын туслах бүсгүй, түүний нэг өвчтөнийг алсан.
Зам дээр гарсан хэрэг явдал санамсаргүй тохиолдол ч байж болох, зориуд зохиосон зүйл ч байж болох юм. Түүн тийш урт хар машин ойртож ирэх тэр агшинд Джад өөрийн нь араас мөр мөшгөж байна гэж эргэлзэхгүй байснаа одоо бол сэтгэл нь жаал тайвшраад сүүлийн хэд хоног сэтгэл түгшүүртэй байсны дээр тэрхэн агшинд зүрх нь хөөрсний улмаас санамсаргүй дайрсан тохиолдлыг аминд нь халдах гэж нарийн нягт бэлтгэсэн оролдлого хэмээн эндүүрсэн байж болох юм гэж үзэж байлаа.
Энэ үед утас дуугарахад харилцуур аваад,
- Та ажилтай байна уу? гэх Аннагийн дууг даруй танив.
- Үгүй. Тантай ярьж болох байна.
- Таныг машинд дайруулсан гэж сониноос уншсан. Түрүүн утасдах гээд таныг олсонгүй гэж хүүхний сэтгэл түгшсэн байдалтай өгүүлэв.
- Өө, гойдын юм байхгүй. Үүнээс хойш л машины замаар явахаа байя.
- Санамсаргүй тохиолдсон гай гэж сонинд бичсэн байна.
- Тийм.
- Тэд жолоочийг нь олсон уу?
- Олоогүй. Нэг дүрсгүй залуу хүү гэрлийг нь асаагаагүй урт хар машинаар тэгж зугаагаа гаргасан байж болох юм.
- Лав тийм юм уу? гэж асуухад нь Джад гайхан,
- Та юу хэлэх гэж байна вэ? гэсэнд,
- Мэдэхгүй юм даа. Ер нь бол Кэролыг алсан. Дараа нь энэ будилаантай хэрэг ... гэж хүүхэн эргэлзсэн байдалтай өгүүлэв.
Ингэхлээр Анна Джадтай адилхан дүгнэлтэд хүрсэн юм байна.
- Нэг солиотой амьтан оргож гараад сул яваа бололтой.
- Хэрэв тийм бол цагдаа нар түүнийг түргэн бариад авна гэж Джад сэтгэлийг нь тайвшруулав.
- Таны амь насанд аюул заналхийлж байгаа юм биш биз? гэхэд нь Джад өөрийн зүрхний баясгалантай булгилахыг мэдэрч,
- Үгүй байх аа гэж золбоотой хариулав.
Нэг хэсэг эвгүйхэн дуугүй боллоо. Аннад хэлэх юм яасан их байна вэ ... докторынхоо биеийн эрүүл мэндийн байдалд санаа зовсон өвчтөний зүгээр нэг утасдсаныг их юм болгож болохгүй. Анна бол гай зовлонд орсон ямар ч хүнд туслах сайхан сэтгэлтэй хүүхэн.
- Та баасанд ирж уулзах уу?
- Тэгнэ гэх хүүхний дууны өнгө жигтэй хачин сонстов. Ирэхээ больсон юм болов уу^
- Бид ярьж тохирсон шүү дээ гэж Джад түргэн нэмж хэллээ.
- Тийм. Баяртай, доктор Стивенс ээ.
- Баяртай, миссис Блейк ээ. Утасдсанд чинь баярлалаа гэж Джад хэлээд харилцуураа тавив.
Нөхөр нь азтай хүн гэдгээ мэддэг болов уу? Анна нөхрийнхөө тухай тун бага юм ярьсан. Джадад Аннагийн нөхөр нь их ухаантай цэвэрхэн сайхан эр юм байна гэсэн сэтгэгдэл төржээ. Биеийн тамирчин, өгөөмөр сэтгэлтэн, бизнес эрхлэгч ... Джад тийм хүнтэй дотно нөхөрлөхийг хүсэх сэн. Мэдээжээр, өөр нөхцөл байдалд ...
Өдрийн үлдсэн хэсэгт онцын юмгүй тайван өнгөрөв. Джад сүүлийн өвчтөнийг үзэж явуулаад Бурктэй сүүлчийн удаа ярьсан бичлэг бүхий хальсыг гаргаж, дахин сонсоод дэвтэртээ юм тэмдэглэж авлаа. Шилж сонгоод байх юм байсангүй. Джад маргааш компанийн ерөнхийлөгчид утасдаж, Харрисон Буркийн эрүүл мэндийн байдлын тухай ярих хэрэгтэй болно. Джад цонхоор хараад хэдийнэ шөнө болсныг гайхав. Найман цаг болох шахаж байлаа. Одоо ажлаа дууссаны дараа хамаг бие нь няцарсан шиг байлаа. Хавиргаар нь хатгуулж, солгой гар нь янгинаж эхлэв. Гол нь үргэлж лугшин өвдөхийг хэлээд яах вэ. Гэртээ харьж, халуун усанд орвол сайхан сан.
Джад бусад бүх хуурцгийг ширээн дээр үлдээв. Энэ хальс маргааш өглөө хэрэг болж магадгүй. Джад пальтогоо өмсөөд, хаалга руу явж байтал утас дуугарлаа. Джад ширээний дэргэд очиж харилцуур аваад,
- Доктор Стивенс сонсож байна гэсэнд цаад хүн хариу дуугарсангүй, гагцхүү амьсгаадан аахилах нь сонстов,
- Таны үгийг сонсъё.
Хариу чимээ байдаггүй. Джад дал мөрөө хавчаад харилцуурыг тавилаа. Андуурч буруу залгасан байх гэж бодоод гэрэл унтрааж, хаалгаа түгжээд гудамд гарч, цахилгаан шат тийш явлаа. Бүгд гэр гэртээ харьцгааж, шөнийн ээлжийн техник үйлчилгээнийхэн ажилдаа хараахан ирээгүй, байшинд ганц шөнийн манаач Байглоу үлджээ. Цахилгаан шатны дэргэд очиж товч дарсанд шатны байгаа газрыг заадаг дохионы гэрэл байрнаасаа хөдөлсөнгүй.
Товчийг дахин харахад байдал хэвээрээ.
Энэ үед гудамд гэнэт гэрэл унтарлаа.


Top
   
PostPosted: Jun.05.16 11:41 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Долоодугаар бүлэг

Зүрх нь палхийн зогсох шахсанаа төдхөн түргэн түргэн цохилж эхлэхийг Джад мэдэрлээ. Айсандаа тэр, чүдэнз эрж халаасаа уудалж үзэхэд байсангүй. Ажлынхаа өрөөнд орхисон байжээ. Ганц энэ давхрын гэрэл унтарсан юм болов уу? Джад болгоомжтой тэмтрэн урагшилсаар шат руу хүрсэн хаалганы тэнд хүрч онгойлговол бас харанхуй. Хашлагаас барин доош бууж эхэллээ. Тэртээ дор гар чийдэнгийн гэрэл тэмтчин гялалзах харагдав. Нэг хүн дээшээ өгсөн ирэхэд Джадын дотор онгойлоо. Манаач Байглоу бололтой гэж бодоод,
- Байглоу! Би доктор Стивенс байна гэж хашгирсанд гар чийдэнтэй хүн үг дуугүй өгссөөр.
- Хэн бэ? гэж асуухад гагцхүү цуурай хариу өгөв.
Тэгснээ энэ хэн болохыг ойлголоо. Алуурчин байж. Наад зах нь хоёулаа юм байна. Нэг нь зооринд байдаг цахилгаан эрчим хүчний залгуурыг тасалж, нөгөө нь Джадыг гаргахгүй гэж шатан дээр амджээ.
Гар чийдэнгийн гэрэл ойртон ганцхан давхрын цаана гялалзаж байв. Джад айсандаа нуруу нь хүйт оргин зүрх нь дэлсэж, хөл нь даагдахгүй хүнд болов. Өөрийн давхарт арайхийн гарч, үүдээ онгойлгон нүх шиг харанхуй гудамд хэсэг зогсов. Тэд нар энд хүлээж байвал яана? Шатаар өгсөж яваа хөлийн чимээ ойртов. Джад хатсан уруулаа шилэмдээд гудмын цаад руу хаалга тоолон явсаар өөрийн ажлын өрөөний үүдэнд хүрэх үеэр шатны хаалга онгойж хаагдахыг сонслоо. Гар нь салгалаад түлхүүрээ алдаж унагав. Явган сууж, шал дээгүүр сандран тэмтэрсээр ашгүй нэг юм олж, цоожоо онгойлгон хүлээх өрөөнд ормогцоо даруй түгжлээ. Тусгай түлхүүргүй бол хойноос нь хэн ч орж ирж чадахгүй. Гудмаас ойртож байгаа хөлийн чимээ сонсогдлоо. Джад ажлынхаа өрөөнд орж, унтраалга дарав. Гэрэл байдаггүй. Бүх байшингийн цахилгааныг тасалжээ. Ажлын өрөөнөөс хүлээх өрөө рүү ордог үүдийг түгжээд ширээн дээр байгаа утасны дэргэд очиж, Арван есдүгээр хэсгийн дугаарт залгалаа. Гурван удаа дуугарсны дараа жижүүрийн дуу сонстож, гадаад ертөнц лүгээ нэг холбоотой болсныг нотлов.
Нэг хүн ажлын өрөөнөөс гудамд гарсан үүдийг түлхлээ.
- Арван есдүгээр хэсэг байна гэхэд Джадын дотор онгойж,
- Мөрдөгч Анжелитэй ярья. Яаралтай гэв.
- Мөрдөгч Анжелитэй ... жаахан хүлээнэ үү.
Гудамд нэг юм болж байх шиг. Аяархан ярилцах чимээ сонсогдлоо. Нөгөө хүн нь хүрч ирсэн байж. Энэ хоёр яах санаатай байгаа юм бол?
- Мөрдөгч Анжели алга. Түүнтэй хамт ажилладаг дэслэгч Макгрейви ярьж байна гэж харилцуурт танил бүдүүн дуу сонстов.
- Джад Стивенс ажлынхаа өрөөнөөс ярьж байна. Хэн нэгэн нь цахилгаан таслаад наашаа орж, намайг алах гэж байна . . .
Нилээд удаан дуугүй байсны эцэст,
- Доктор та байна шүү, наашаа хүрээд ирвэл яасан юм бэ? Бидэнд ярих юм бий ... гэж Макгрейвийн сая нэг дуугарахад,
- Би эндээс гарах арга алга. Хэн нэгэн нь намайг алах гээд байна гэж Джад бараг хашгирав.
Утасны нөгөө үзүүрт дахиад чимээгүй. Макгрейви Джадад итгэхгүй, нэгэнт итгэхгүй болохоор туслахыг хүсэхгүй байгаа бололтой. Гудмаас хүлээх өрөөнд орж ирдэг үүд онгойхыг Джад сонсов. Тэд хүлээх өрөөнд ороод ирсэн байна шүү! Түлхүүргүй бол ийшээ орж ирэх аргагүй. Тэд ажлын өрөө рүү нь ойртож ирлээ ... Макгрейвийг нэг юм ярьж эхлэхэд Джад анхааран сонссонгүй. Цаг байхгүй боллоо. Джад харилцуурыг гавив. Макгрейви ирэхийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг нь утгагүй болжээ. Алуурчид энд ирчихээд байж байна! Хүний амь гэдэг утсан чинээ нарийхан. Түүнийг таслахад ядах юмгүй. Айдас нь нэгэнт арилж, гагцхүү уур хилэн нь дүрэлзлээ. Жон Хансен юм уу, Кэрол Робертстэй адил зүгээр алуулахгүй. Биеэ хамгаална. Джад зэвсэг болгон ашиглачихмаар юм эрж ширээн дээгүүр тэмтрэв. Тамхины үнсний сав ... цаас зүсдэг хутга ... таарах юм алга. Алуурчид лав буутай байх.
Тэднийг үүд рүү ойртож ирэхэд Джад амьд байх хэдхэн минут үлдсэнийг ойлгов. Аннаг нэг бодоод харамсах сэтгэл төрөх зүрх нь шимшрэв. Өвчтөнүүдээ санаж, тэдэнд хэрэгтэй хүн гэдгээ нэг бодов. Харрисон Бурк байна! Түүнийг тусгаарлах хэрэгтэй гэж компанийн ерөнхийлөгчид утасдаж завдаагүй байгаа. Хуурцгийг байранд нь буцааж хийх хэрэгтэй. Сүүлд тэд нар ... Джадын зүрх пал хийв. Энэ хэн нь үл мэдэгдэх алуурчидтай тэмцэх арга хэрэгсэл олдох ч юу магад.
Хаалганы бариул хөдлөхийг Джад сонсов. Хаалга цоожтой байгаа. Гэхдээ хаалгыг эвдэхэд ядах юмгүй Джад Бурктай сүүлчийн удаа ярьсан бичлэгтэй хуурцгийг авлаа. Үүд цаанаас нь дарж буй биеийн хүндэд тачигнав. Дараа нь нэг хүн цоожтой ноцолдож байгаа чимээ сонсогдлоо. "Эд нар үүд эвдэхгүй яасан юм бол?" гэж Джад бодов. Энэ нэг учиртай гэдгийг зөн совингоороо мэдэрлээ. Джад хуурцгийг дуу хураагуурт хийхэд гар нь салгалж байлаа. Энэ бол түүний цорын ганц найдлага.
Джад Бурктэй ярьсан зүйлийнхээ агуулгыг санан хэсэгхэн зуур бодолхийлэв. Үүд дахиад тачигналаа. Джад нэгэнтээ гүнзгий санаа алдаад: "Гэрэл унтарсан нь тоогүй юм боллоо. Хэдэн минутын дараа бүгд зохих ёсоороо болох биз. Та буйдан орон дээр хэвтээд бие сэтгэлээ сул тавивал яасан юм бэ?" хэмээн чанга дуугарав.
Хаалганы цаана түжигнэх нь дорхноо болилоо. Джад дуу хураагуурыг залгав. Чимээ байдаггүй. Тийм л дээ. Цахилгаан тасарсан байгаа. Хаалганы цаана дахиад чимээ гарч эхэллээ ... Джад ширээн дээгүүр чүдэнз эрэн тэмтрэнгээ: "За ингэвэл дээр. Эвтэйхэн хэвтээрэй" гэж дахин чанга хэлээд чүдэнз асааж, дуу хураагуурыг гэрэлтүүлэн зайгаар ажилладаг товчийг дарж, дуу хураагуурыг дахин залгав. Яг энэ агшинд үүдний цоож торхийв. Джадын сүүлчийн бэхлэлт нурах нь тэр.
"Таны надад хэлэх гэсэн үг ердөө энэ үү? Та ядаж миний нотолгоог сонсохгүй байна! Та өөрөө тэдний нэг нь биш биз? " гэсэн Буркийн дуу өрөөгөөр дүүрэв.
"Намайг тэдний нэг биш гэж та мэднэ дээ. Би таны дотнын нөхөр. Би танд туслахыг хичээж байна" гэх Джадын өөрийн нь хариулт соронзон хальснаас дуулдлаа.
"Тэд нар урьд шөнө манай гэрт дайран орсон. Намайг алах гэж очсон нь тэр. Би ажлын аа өрөөнд унтдаг юм. Үүнээс гадна тэдний гарт орохгүй гэж хаалга бүрд нэмэлт цоож суулгасан юм."
Хүлээх өрөөнд огт чимээ аниргүй болов.
"Дайран орсныг та цагдаа нарт хэлсэн үү? "Хэлээгүй чиш! Цагдаа нар тэдэнтэй санаа нэг байдаг. Цагдаа нар намайг буудаж алах тушаал авсан боловч эргэн тойрон хүн байхад буудаж зүрхлэхгүй байгаа юм. Тийм болохоор би хүнгүй гудамжаар явахаас зайлсхийдэг."
"Энэ мэдээллийг надад өгсөнд тань баярлалаа"
"Та тэгээд яах бодолтой байна вэ? "
"Таны хэлсэн бүх зүйлийг анхааралтай сонслоо. Үүнээс гадна таны хэлсэн зүйл ..."
Үүнээс цааш хальсанд юу бичээстэй байгааг Джад даруй санаж дуу хураагуурыг агшин зуур таслаад өөрийн дуугаар үргэлжлүүлэн,
- ... миний толгойд үлдэнэ. Бид танд ярьсан зүйлийг аль болохуйц сайн ашиглахыг хичээнэ ... гээд түгдрэн зогсов.
Одоо дуу хураагуурыг залгах аргагүй боллоо. Хүлээн авах өрөөнд буй хүмүүст Джад ганцаараа биш юм байна гэсэн сэтгэгдэл төрөх болов уу гэдэг ганц найдлага үлджээ. Эд нар Джадыг ганцаараа биш гэж үнэмшсэн ч зогсох болов уу даа?Тэгээд Джад үргэлжлүүлэн,
- Таных шиг ийм тохиолдол цөөнгүй байдаг юм, Харрисон! Энэ гэрэл хэдийд асах юм бол доо. Орцны дэргэд танай жолооч хүлээж байгааг мэднэ. Таныг удаан саатаад байхаар санаа нь зовоод наашаа ирж яваа байх ... гэж тэсэж ядсан байдалтай нэмж хэлээд чимээ чагнав.
Хаалганы цаана шивгэнэлдэх сонсогдлоо. Эд нар юу гэж шийдэх бол? Тэртээ холоос ойртон ирж буй цагдаагийн машины түгшүүрийн дохио хангинах сонсогдов. Хүлээх өрөөнөөс гудам руу гарсан хаалга хаагдах чимээ сонстох болов уу гэж чагнасан чинь юу ч сонсогдсонгүй. Түгшүүрийн дохио улам чангарсаар байшингийн дэргэд ирээд чимээгүй болов.
Мөн энэ агшинд гэрэл аслаа.


Top
   
PostPosted: Jun.05.16 1:48 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 686
хүүеэ хамгийн сонирхолтой дээрээ дуусчих юмаа, одоо юу болдог бол


Top
   
PostPosted: Jun.06.16 9:39 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Наймдугаар бүлэг

- Юм балгах уу?
Макгрейви толгой сэгсрээд Джадыг ажиглаж байв. Джад өөртөө дахин нэг хувь виски хийж авахдаа гар нь салгалж байлаа. Архины охь нөлөөлөхийн хэрээр Джадын сэтгэл тайвширч эхлэв.
Гэрэл ассанаас хойш хоёр минутын дараа дэслэгч докторын ажлын өрөөнд хүрч иржээ. Түүнтэй хамт цагдаагийн түрүүч ирээд одоо тэмдэглэлийн дэвтэрт нэг юм бичиж байна.
- Дахиад эхнээс нь нэг давтъя, доктор Стивенс ээ гэхэд нь Джад тайван байхыг хичээж гүнзгий санаа алдаад дахин ярьж эхлэв.
- Би өөрийнхөө үүдийг түгжээд цахилгаан шат рүү явж байхад хонгилын чийдэн унтарсан. Ганц энэ давхрын гэрэл унтарсан юм болов уу гэж бодоод доошоо буух санаатай явган шат руу очлоо. . .гээд айж сандарснаа санан хэсэг дуугүй болж,
- Гар чийдэнтэй нэг хүн дээшээ гарч явахыг хараад манаач Байглоу юм байх гэж бодлоо. Тэгсэн чинь биш байсан гэв.
- Хэн байгаа вэ?
- Танд хэлсэн шүү дээ. Мэдэхгүй гэж. Хариу дуугараагүй.
- Та юун дээрээс тэднийг таны хойноос ирсэн гэж бодоо вэ?
Амнаас нь золтой л хорон үг гарсангүй. Гэвч Джад биеэ барив. Эцсийн бүлэгт хамгийн гол нь Макгрейвид үнэн байдлыг итгүүлэх хэрэгтэй байлаа.
- Тэгээгүй юм бол яах гэж миний ажлын байранд ирэх юм бэ?
- Тэднийг хоёулаа байсан гэж бодож байна уу?
- Тийм. Наад зах нь хоёулаа байсан. Хоорондоо шивнэлдэж байхыг нь сонссон юм.
- Та хүлээх өрөөндөө орж ирээд үүдээ түгжсэн гэж хэлсэн. Тийм үү?
- Тийм.
- Ажлынхаа өрөөнд ороод хүлээх өрөөнд ордог үүдийг түгжсэн үү?
- Тийм.
Макгрейви хүлээх өрөө рүү орсон үүдэнд очиж,
- Тэд энэ хаалгыг эвдэх гэсэн юм уу? гэв.
- Үгүй хэмээн Джад хариулаад эвдэх гэж оролдоогүйг нь бүр тэгэхэд гайхсанаа санав. Мөрдөгч үгийг нь зөвшөөрч,
- Зүйтэй. . .Гудмаас хүлээх өрөөнд ордог үүдийг онгойлгоход тусгай түлхүүр хэрэгтэй юу? гэхэд нь Макгрейвийн юу хэлэх гээд байгааг Джад мэдээд хэсэг эргэлзсэний дараа,
- Тийм гэв.
- Хэнд түлхүүр байсан бэ?
- Кэрол бид хоёрт.
- Цэвэрлэгчид түлхүүр байгаагүй юу? Цэвэрлэгч эмэгтэй таны ажлын өрөөнд ордог уу?
- Бид цэвэрлэгчтэй ярьж тохирсон юм. Кэрол долоо хоногт гурван удаа эрт ирж хаалга онгойлгож өгдөг байсан. Эхний өвчтөн ирэхэд цэвэрлэгээ дууссан байдаг.
- Энэ чинь надад тохиромжгүй ажил шиг санагдаж байна. Таны ажлын өрөөг зэргэлдээх бусад өрөөтэй нэг зэрэг цэвэрлэхэд яагаад болдоггүй юм бэ?
- Яагаад вэ гэвэл миний бичиг тэмдэглэл хувийн нууц байдаг. Тэгээд энд хөндлөнгийн хүнийг ганцаар үлдээх дургүй байдаг.
Макгрейви түрүүчийг тэмдэглэж авч байна уу, үгүй юу гэж түүн рүү хараад бичиж байхад нь сэтгэл хангалуун толгой дохин, дахин Джад хандан,
- Биднийг хүлээх өрөөнд орж ирэхэд үүд нь онгорхой байсан. Үүдийг эвдээгүй, онгорхой байсан юм гэхэд нь Джад дуугүй өнгөрөв. Мөрдөгч үргэлжлүүлэн,
- Энэ цоожны түлхүүр нь Кэрол та хоёрт л байсан гэж та сая хэллээ. Кэролын түлхүүр танд байгаа. Өөр хэнд түлхүүр байж болох вэ, бодооч, доктор Стивенс ээ?
- Хэнд ч байхгүй.
- Тэгвэл таны бодлоор тэд хүлээх өрөөнд яаж орж ирсэн байх вэ? гэхэд нь Джадын толгойд нэгэн бодол
төрж,
- Тэд Кэролыг алахдаа түлхүүрийн хэвийг авсан байх гэв.
- Магадгүй л юм даа гэж Макгрейви зөвшөөрөөд нэг муу инээмсэглэх аядаж,
- Тэд нар хэв авсан бол бид түлхүүр дээр үлдсэн тосны мөрийг олно. Түлхүүрийг чинь лабораторид өгч шинжлүүлье гэхэд нь Джад толгой дохиод дийлж гар сандаа баярлаж байв. Даанч энэ баяр нь дорхноо замхрав. Макгрейви үргэлжлүүлэн,
- За ингээд энэ хэрэгт эмэгтэй хүн холбогдолгүй гэж найдаад хоёр эрэгтэй хүн таны ажлын өрөөнд нэвтэрч, таныг алахын тулд түлхүүрийн хэвийг авч хийжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тийм үү? гэв.
- Тийм.
- Та хүлээх өрөөнөөс ажлынхаа өрөөнд орж ирээд үүдээ түгжсэн гэсэн байх аа. Тийм үү?
- Тийм.
- Биднийг орж ирэхэд энэ хаалга онгорхой байсан.
- Тэгэхлээр тэдэнд түлхүүр байсан байж.
- Тэгвэл тэд үүд онгойлгоод таныг яагаад алаагүй юм бэ?
- Хэлсэн шүү дээ. Тэд хальсанд буулгасан дууг сонсоод ... гэсэнд Макгрейви үгийг нь тасалж,
- Алуурчид залхуурч төвөгшөөлгүй гэрэл унтрааж, таныг ажлын чинь өрөөнд хөөн оруулж, хүлээх өрөөнд орж ирээд таны үсийг ч хөдөлгөлгүй яваад өгсөн хэрэг үү? гэх дуунд нь эс тоомсорлосон аяс сонстов.
Джадын уур нь шатаж,
- Та юу хэлэх гээд байна вэ? гэв.
- Танд учрыг тодорхой хэлж өгье. Энд хэн нэг хүн ирсэн гэж бодохгүй, таныг алах гэж оролдсон гэдэгт итгэхгүй байна.
- Та надад итгэхгүй байж болно. Гэрэл унтарсны тухай юу гэх вэ? Бас манаач Байглоу хаа байна вэ? гэж Джад уурсан асуув.
- Үүдний танхимд байж байгаа.
- Үхчихээ юу гэж Джад цочин асуув.
- Бидэнд үүд тайлж өгөхдөө амьд юм шиг байсан. Хуваарилах самбарын нэг тусгаарлуур шатсан байж. Байглоу засах гэж зооринд орсон юм байна. Яг биднийг ирэхийн өмнөхөн ажлаа дуусгажээ гэхэд нь Джадын бие хөшиж орхиод,
- Өө! гэхээс өөр юм дуугарч чадсангүй. Макгрейви үргэлжлүүлэн,
- Доктор Джад Стивенс таны яах санаатайг мэдэхгүй байна. Өнөөдрөөс эхлээд би таны энэ тоглоом шоглоомд оролцохгүй. Бас надад утасдаж төвөг удах гүй байхыг бодоорой. Шаардлага гарвал би өөрөө таныг олно гээд үүд рүү эргэхэд, цагдаагийн түрүүч дэвтрээ хамхиад мөрдөгчийн хойноос гарав.


Top
   
PostPosted: Jun.06.16 9:40 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
Архины нөлөө дуусаж, хөөрөл баясал нь гутрал гунигаар дуусав. Одоо яах вэ? Джад гарахын аргагүй сүлжилдсэн байранд хоригдсон шиг санагдана. Одоо "Чоно! Чоно!" гэж хашгиран байгаа хөвгүүнтэй адил болжээ. Гагцхүү Джадын "чоно" гэсэн нь Макгрейвийг ирэхээр замхран алга болдог нүдэнд үл үзэгдэх хий сүг сүнс байсан бололтой. Хий сүг сүнс юм уу эсвэл ... Бас нэг тайлбар үлдлээ. Даанч аймаар зүйл учир Джад ийм юм байж болно гэдгийг арайхийн итгэв. Джад өөрөө мэдрэлийн шизофрени өвчтэй болсон юм байх. Хэтэрхий хөөрөн догдолсон тархинд хий-юм үзэгдэж, сонсогдсон байж болно. Джад дэндүү их ажилладаг. хэдэн жил амралтын чөлөө аваагүй. Хансен, Кэрол нарын алагдсан нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл хүнийг шизофрени өвчтөнөөс тусгаарладаг сэтгэхүйн саад хашлагыг эвдэхэд түлхэц өгсөн байж болох юм. Шизофрени өвчтэй хүн өдөр бүр туйлын жирийн нэг үйлдэл ч гэсэн тоо томшгүй олон аюул аймшиг агуулсан тийм ертөнцөд амьдарч байдаг. Наад зах нь машинд дайруулсан будлиаантай хэргийг аваад үзье. Хэрэв Джадыг алах гэсэн бол жолооч нь лав эргэн ирж, үхсэн эсэхийг магадалж шалгах байсан биз. Эсвэл өнөөдөр энд ирсэн хоёр хүн байна. Тэдэнд буу байсан юм уу, үгүй юу, мэДээгүй шүү дээ. Шизофрени өвчтэй хүн бол намайг алахаар иржээ гэж бодох нь лав. Тэднийг зүгээр хулгайч нар байсан гэж бодох нь илүү учир утгатай байх сан. Өрөөнд хүн дуугарыхыг сонсоод зугтан зайлсан бизээ. Алуурчин байсан бол нэгэнт онгойлгосон хаалгаар орж ирээд хар хэргээ үйлдэх байсан. Чухам юу болж байна вэ? Одоо цагдаагийнханд хэлээд нэмэргүй болсон. Джадад тусалж чадах хэн байна вэ?
Энэхэн мөчид Джадын толгойд нэг санаа төрж, утасны лавлах дэвтэр авч, шарласан хуудсыг нь эргүүлж эхлэв.

Есдүгээр бүлэг

Маргааш нь Джад ажлынхаа байрнаас дөрвөн цагт гарч, Вест-Сайдын зүг явлаа. Өөрийн эрж яваа байшинг олж, нэгдүгээр давхрын цонхонд: "Норман 3. Моуди. Хувиараа мөрдөгч" гэсэн хаяг байхыг хараад, Джад машинаасаа буув. Жихүүн салхи үлээж байлаа. Цаг уурын мэдээнд цас орно гэж байсан юм. Мөстсөн явган зам дээгүүр болгоомжтой алхлан орцны үүдэнд очиж "Норман 3. Моуди-1" гэсэн бичигтэй товчийг дарсанд тэр даруй цоож тор хийн үүд онгойход Джад дотогшоо орлоо. Үүдний танхимд шээс шинхэг, түлэгдсэн хоол хүнс үнэртэнэ. Нэгдүгээр байрны үүдэн дээр: "Норман 3. Моуди. Хувиараа мөрдөгч. Хонх дараад орогтун" гэсэн бичиг байлаа.
Джад хонх дараад оров. Моуди хогшил тавилгад мөнгө зарах дургүй хүн бололтой. Элдэв новшоор дүүрэн ажлын өрөө нь хуучин юм худалддаг мухлагийг санагдуулна. Буланд нь хуучин муу япон халхавч, хажууд нь шалны хуучин муу чийдэн, дэргэд нь холцорсон жижиг ширээ байх агаад энд тэндгүй сонин, сэтгүүл хөглөрнө.
Энэ үед зэргэлдээх өрөөний хаалга онгойж, Моуди өөрөө гарч ирлээ. Нуруу нь таван фут таван ямх гэхэд биеийн жин гурван зуун футээс багагүй агаад хоёр тийшээ таахалзан алхлах нь амилсан бурхан багш уу гэмээр. Мистер Моудийн элдэв заль мэхгүй баймаар, хоорондоо зайтай цайвар хөх нүд бүхий дугуй царай нь нэг ч үсгүй халзан улаан толгой руугаа ажиглагдамгүй шигджээ. Мөрдөгчийн насыг тодорхойлох арга алга.
- Мистер Стивенсон уу? гэж асуухад,
- Доктор Стивенс гэж Джад залруулав.
- Суугтун гэж хэлэх Моудийн дуудлагыг ажиглавал өмнөд муж улсын хүн бололтой.
Джад сул газар эрж эргэн тойрон хараад сандал дээр овоолгоотой хуучин сэтгүүлүүдийг зайлуулж болгоомжтой суулаа. Моуди өөрөө том гээчийн өлгий сандалд суув.
- За эхэлцгээе. Би таны төлөө юу хийж чадах байна вэ?
Джад буруу юм хийснээ нэгэнт ойлгов. Джад утсаар өөрийн нэр овгийг бүрэн хэлсэн. Далимд хэлэхэд сүүлийн хэдэн хоног докторын нэр Нью-Йоркийн сонин хэвлэлийн нэгдүгээр хуудаснаас салахгүй байгаа. Тийм байтал энэ их хотоос өөрийг нь сонгож авсан байна шүү. Джад одоо гараад явах аятайхан аян шалтаг эрж эхэллээ.
- Танд намайг хэн хэлж санал болгосон юм бэ? гэж Моуди сонирхов.
Джад түүнийг гомдоохгүйн тулд юу хэлэхээ мэдэхгүй хэсэг эргэлзэв.
- Утасны лавлах дэвтрээс таны нэрийг олсон юм гэсэнд Моуди инээд алдаж,
- Утасны дэвтэр байдаггүй сэн бол надад хийх ажил олдохгүй байсан биз. Шотланд вискиний дараа орох аугаа их нээлт шүү гэв.
Джад шал балай амьтантай таарчээ гэж бодоод суудлаасаа босож,
- Мистер Моуди таны цагийг дэмий үрснийг минь уучлаарай. Би урьдаар сайн бодох хэрэгтэй байна. Тэгээд ...
- Ойлгож байна, ойлгож байна ... Ингэхэд та над дээр ирснийхээ хөлсийг төлөх ёстой.
- Болно л доо. Хэдийг өгөх вэ? гэж Джад асуугаад халааснаасаа хэдэн дэвсгэрт гаргаж ирэв.
- Тавин доллар.
- Тавин доллар! ... гэж Джад зэвүүцсэндээ амьсгаа нь давхцан нэхсэн мөнгийг тоолон Моудийн гарт ууртайхан атгуулсанд,
- Туйлаас их баярлалаа хэмээн мөрдөгч ажиггүй дуугарчээ.
Джад эргэн үүд рүү явж байхдаа өөрийгөө усан тэнэг амьтан юм гэж бодлоо.
- Доктор оо! ... гэхэд нь эргэж харвал Моудийн царайд баясгалант инээмсэглэл туяаран мөнгийг энгэрийнхээ халаасанд хийгээд,
- Та нэгэнт тавин доллараа гарзадсанаас хойш түр саатан суугаад таны сэтгэлийг догдлуулж байгаа юмыг яривал дээр юм биш үү дээ? Цээжин дотор хурж тунасан бүхнээ ил гаргаж хэлэх нь сэтгэлээ онгойлгох хамгийн сайхан арга гэж би хувьд боддог юм даа гэв.
Хүн үнэмшмээргүй сонин хачин байдал бий болж, Джад золтой л инээд алдсангүй. Джадын хийдэг хамаг ажил нь чухамдаа хүний сэтгэлд дарамт болсон ачааг хөнгөлөх явдал байдаг билээ. Тэгтэл энэ тэнэг бүдүүн эр ийм үг хэлдэг байна шүү. Джад Моудийн өөдөөс анхааралтай ажин ширтэв. Ер нь алдах онох юм билээ дээ? Энэ танихгүй хүнтэй ярихад нээрээ тус болох юм биш биз? Джад сая боссон сандал руугаа алгуурхан оч иж дахин суув.


Top
   
PostPosted: Jun.06.16 9:40 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
- Доктор таны нуруун дээр энэ ертөнцийн хамаг хүнд ачаа буугаа юу гэж бодмоор байна. Хүнд ачааг ганцаараа үүрснээс хоёулаа дамжилбал илүү амар гэж би боддог юм даа.
Джад мистер Моудаас иймэрхүү цэцэн үг олныг сонсох юм байна гэж ойлголоо.
- Та ямар хэрэг зоригоор над дээр ирсэн юм бэ? гэж мөрдөгч сонирхон лавлав.
- Би ... намайг алах гээд байгаа юм шиг санагдаад байна.
- Танд тэгж санагдаад байгаа юм уу? гэхэд нь Джад уурсан,
- Иймэрхүү хэргийн учрыг тайлахад надад тусалж чадах Хэн байна, та хэлээд өгөх болов уу? гэсэнд,
- Тэр бололгүй яах вэ. Норман 3. Моуди л танд тусалж чадна. Тэргүүн зэргийн мэргэжилтэн ... гэхэд нь Джад шүүрс алдаад дуугүй өнгөрөв.
- Доктор та хамаг байдгаа надад яривал яасан юм бэ? Хоёул хамжаад нэг арга олж чадах магадгүй юм биш үү?
Джад өөрийн эрхгүй инээмсэглэв. Джад өвчтөн нартаа: "Та хэвтээд толгойд чинь орсон бүхнээ яригтун" гэж олонтоо хэлдэг аж. Ярихад яагаад эс болсон юм бэ? Джад нэг сайн амьсгаа аваад сүүлийн хэдэн хоног юу юу болсныг Моуд ярьж эхлэв. Нэн удалгүй хажуудаа мөрдөгч байгааг мартаж орхиод оньсого шиг учир битүүлэг хэрэг явдал болсныг өөрөө өөртөө ярих мэт хүүрнэв. Гэхдээ өөрийн сэтгэл мэдрэлд санаа зовж байгаагаа дурссангүй. Түүнийг ярьж дуусахад Моуди баясгалантай инээмсэглэн,
- Нээрээ бодмоор юм багагүй байна. Хэн нэгэн нь таныг алах гэж байгаа юм уу, эсвэл хойноос чинь мөрдөж байна гэж хий солиордог интэй шизофрени өвчтөн болж байгаа юм уу гэв.
Джад санаанд оромгүй үг сонссондоо давхийн цочив. Энэ Норман 3. Моуди нэг оноо хожлоо. Моуди үргэлжлүүлэн,
- Та энэ хэргийг хоёр мөрдөгч эрхлэн сурвалжилж байгаа гэж хэллээ. Чухам хэн болохыг нь санаж байна уу? гэв.
Джад бодолхийлэн энэ хүнд бүх нарийн ширийн юмаа яримааргүй байлаа. Хэдий тийм боловч үнэнийг хэлэхээр шийдэв.
- Фрэнк Анжели, дэслэгч Макгрейви хоёр ... гэсэнд Моудийн царайд үл мэдэг хувьсхийж,
- Хэн нэг хүнд доктор таныг алах учир шалтгаан бий юу? гэв.
- Мэдэхгүй юм даа. Би бол надад өстөн дайсан байхгүй гэж боддог.
- Өө болиорой. Хүн болгонд хоёр гурвын зэрэг өстөн дайсан заавал байдаг. Өстөн дайсан гэдэг чинь амьдралын хужир давс гэж би хэлдэг юм ... гэхэд нь Джад нэг муу мушийн инээвхийлэв.
- Таны өвчтөн нар ямар вэ?
- Тэд нар ямар хамаатай юм бэ?
- За даа, тэнгисийн дун хорхой ольё гэвэл тэнгисийн хөвөөнд очих хэрэгтэй гэж би хэлдэг юм даа. Танай өвчтөн нар сэтгэл мэдрэлийн өвчтэй улс байгаа биз дээ, тийм үү? гэхэд нь Джад эсэргүүцэж,
- Үгүй. Зүгээр зарим нэг зовлон бэрхшээлтэй тулгарсан хүмүүс байдаг гэв.
- Тэдний өөрснөө шийдвэрлэх хүч хүрэхгүй сэтгэл хөдлөлийн зовлон бэрхшээл байгаа. Танд өөрт чинь тэдний нэг адил зовлон бэрхшээл тулгарсан байвал яах вэ? Хэн нэг хүн таныг буруу зөрүү юм хийсэн гэж муу санасан байвал яах вэ?
- Тийм байж болох юм. Харин нэг "гэвч" гэдэг үг бий. Тэдний олонхыг би нэг жил юм уу, тэр хэртэй эмчилж байгаа. Бүгдийг нь арван хуруу шигээ сайн мэднэ.
- Өвчтөн нар чинь танд ер уурладаггүй юм уу?
- Уурлах явдал бий. Бид ямар ууртай өвчтөнийг эрж байгаа биш дээ. Бид наад зах нь хоёр хүн алсан, одоо миний аминд хэдэн удаа халдсан солиотой этгээдийг олох хэрэгтэй ... гээд доктор хэсэг дуугүй болж,
- Миний өвчтөн нарын дотор тийм хүн байдаг байгаад түүнийг би мэддэггүй бол би сэтгэл зүйч эмчийн хувьд сохор зоосны үнэгүй хүн болж таарч байна гэв.
Джад Моудийн өөДөөс хараад өөрийг нь анхааралтай ажин шинжиж байгааг мэдэв.
- Юмны гол гогцоог л барьж авах хэрэгтэй гэж би хэлдэг юм даа. Таны хувьд гол гогцоо гэвэл хэн нэг этгээд таныг нухах гэж байгаа юм уу, эсвэл та өөрөө сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон юм уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Тийм үү дээ, доктор оо? гээд Моуди малийтал инээмсэглэв.
- Яаж тэр вэ? гэж Джад асуулаа.
- Энэ амархан. Таны нэгэн биеийг хэн сонирхож байгааг тодруулах гэж оролдоод үзье. Та машинтай юу?
Джад эндээс явж, өөр хувиараа мөрдөгч эрэх гэж байснаа хэдийнэ мартжээ. Энэ Моудийн гаднаа гэнэн хонгор царай, хөдөөний байрын эгэл дүр төрхийн цаана нэвтэрхий нарийн ухаан нуугдан байгааг Джад ойлголоо.
- Машин бий гэсэнд Моуди үргэлжлүүлэн,
- Таны сэтгэл мэдрэл ядарсан бололтой. Та явж амарвал зүгээр байх гэв.
- Хэзээ?
- Маргааш өглөө.
- Тийм боломж байхгүй. Миний өвчтөн нар ... гэж Джадын дургүйцэхэд,
- Өвчтөн хүлээж авахаа больчих гэв.
- Утга учир нь юу вэ. . . гэсэнд Моуди үгийг нь
таслан,
- Би танд өвчтөнөө яаж эмчлэхийг заах юм уу? Та эндээс гараад жуулчдын товчоонд одоо даруй очих хэрэгтэй. Та ... гээд хэсэг бодолхийлснээ:
- Та Гроссинжерт байр урьдчилан захиалагтун. Гийшээ очсон уулын сайхан зам байдаг. Таны сууж байгаа байшинд гарааш бий юу? гэв.
- Бий.
- Сайн байна. Машинаа холын замд бэлтгэнэ үү гэж гуйгтун. Аян замд ямар нэг эвдрэл гарахгүй байхаар бод гээрэй.
- Энэ бүхнийг дараа долоо хоногт хийвэл яасан юм бэ? Маргааш ...
- Байр захиалсны дараа ажлынхаа өрөөнд очиж бүх өвчтөн нартаа утасдаад хэд хоног гадагш явах хэрэгтэй болсноо хэлэгтүн.
- Надад үнэндээ тийм боломж байхгүй. Би ... гэж Джадыг өөрийнхөөрөө зүтгэхэд Моуди дахин үгийг нь тасалж,
- Бас Анжелид утасдахыг бүү мартаарай. Цагдаа нар таныг эрэн сурвалжлахаар зарлавал дэмий гэв.
- Би яагаад ингэх ёстой юм бэ?
- Тавин доллар зарсныхаа хэргийг бүтээхийн тулд. Ингэхэд мартаагүй дээрээ хэлье. Танаас хоёр зуун долларын урьдчилгаа авна. Дээр нь урсгал зардалд өдөр бүр тавин доллар. Та өглөө эрт явах хэрэгтэй. Тэгвэл харанхуй болохоос өмнө тэнд хүрч чадна. Өглөөний долоод чадах уу? гээд Моуди өндийв.
- Болох байх ... Тэндээс би юу олох юм бэ?
- Жаахан аз байвал алмас гэдэг хүн гөрөөсний мөрийг олно.
Таван минутын дараа Джад машиндаа бодлогошрон сууж байлаа. Өвчтөн нараа орхиод гэнэт ийнхүү явж болохгүй гэж Моудид хэлсэн. Сэтгэлийнхээ гүнд бол өөр арга зам байхгүйг ойлгож байлаа. Үнэн хэрэг дээрээ мөрдөн байцаагчдын ертөнцийн энэ нэг гайхалд амиа даатгахаас өөр замгүй болжээ.
Аялал зохион байгуулахад онцын төвөггүй байдаг аж. Джад Медисон авенюд байдаг жуулчдын товчоонд очиж, тэнд Гроссинжерийн нэг зочид буудалд байр захиалан Катскилын байдлыг үзүүлсэн зураг бүхий гоё товхимол авлаа. Бас утсан харилцааны албанд утас даж, маргааш хүлээж авахаар товлосон бүх өвчтөн нарт үзлэг байхгүйг зарлаж өгнө үү гэж хүсэв. Дараа нь Арван есдүгээр хэсэгт утасдаж, .мөрдөгч Анжелийг ДУУДУУЛсанд,
- Анжели өвчтэй байгаа. Танд гэрийнх нь утас хэрэгтэй юу? гэх ажиггүй дуу сонстов.
- Хэрэгтэй.
Хэдэн минутын дараа Джад Анжелитай ярьж байлаа. Дууг нь сонсоход салхинд цохиулсан бололтой.
- Би хэд хоног салхинд гараад ирэхээр шийдлээ. Маргааш өглөө явна. Үүнийг танд дуулгах гэсэн юм.
Анжели сая сонссоноо эргэцүүлэн бодож байгаа хэрэг үү, нилээд удаан дуугүй байсны эцэст,
- Миний бодоход энэ аятайхан санаа байна. Та хаашаа явах нь вэ? гэв.
- Гроссинжерт очно. Өөрийнхөө машинаар явах санаатай.
- Сайн байна. Санаа бүү зов. Би Макгрейвитэй ярьж зохицуулья ... гээд хэсэг эргэлзсэний дараа,
- Өчигдөр орой танай ажлын байранд болсон явдлыг сонссон гэв.
- Та Макгрейвийн таамаглалыг сонссон гэж байгаа юм уу? хэмээн Джад лавлав.
- Та тэдний хэн нэгнийг нь харсан уу?
Ингэхлээр Анжели Джадын үгийг үнэмшиж байгаа юм байна.
- Хараагүй.
- Нурууны өндөр, арьсны өнгө, нас гэх шиг жаахан ч юм мэдээгүй юу?
- Тоогүй дээ, харанхуй байсан.
- За яах вэ, эрээд үзье ... гээд Анжели нэг найтааж,
- Таныг буцаж ирэхэд баяртай мэдээ дуулгаж чадах болов уу хэмээн найдаж байна. Болгоомжтой яваарай, доктор оо.
- Хичээе гээд Джад харилцуураа тавив.
Джад харьж явах замдаа Норман 3. Моудиг бодлоо. Мань эрийн юу хүсэж байгааг төсөөлөв. Джадыг өвчтөн нартаа гадагш явна гэж хэл гэснээр хэрэв алуурчин байгаа бол тэр алуурчин Джадыг илбээс болгож ашиглах занганд орно гэж Моуди найдаж байгаа бололтой. Моуди Джадыг Гроссинжер дахь хаягаа утсан харилцааны алба, өөрийн байшингийн хаалгачид үлдээгээрэй гэж хэлсэн. Докторын хаана байгааг хүн бүхэн мэдэж байг гэсэн байж.
Джад машинаас буугаад Майкийн дэргэд очиж,
- Би аялалд явна, Майк аа. Та миний машиныг холын замд бэлтгэж, савыг бензинээр дүүргээд байж чадах уу? гэсэнд,
- Бүгдийг таны хэлснээр гүйцэтгэе. Та хэдийд явах вэ? гэв.
- Өглөөний долоод гэж Джад хариулаад орц руу явж байхдаа хаалгачийн хараа өөр дээрээ тусахыг мэдэрлээ.


Top
   
PostPosted: Jun.06.16 9:41 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.24.12 1:04 pm
Posts: 208
* * *

Джад цахилгаан шатаар газар доорх гараашинд ороод эндхийн харгалзагч Уолтийг эрж ийш тийш харсанд бараг сураг ч алга. Өөрийн нь машин ханын дэргэд байхыг доктор хараад дэргэд нь очиж, урд хаалгаа онгойлгон, чемоданаа арын суудал дээр шидэж, жолооны ард суугаад асаалтуурыг залгах гэснээ хажууд нь нэг хүн ирж зогссоныг мэдрэн зүрх нь палхийлээ.
- Та төлөвлөгөөгөө яг нарийн баримталж байгаа юм байна гэх Моудийн дуу сонстов.
- Намайг гаргаж өгөхөөр ирнэ гэж мэдсэнгүй шүү гэсэнд Моуди малийтал инээмсэглэн,
- Миний нойр муу, хийх ажил олдож өгдөггүй гэв.
- Таны хэлсэн зөв юм гэж бодоод Гроссинжерт очиж, алмас гэдэг хүн гөрөөс эрэхээр шийдлээ ... гэсэнд Моуди инээд алдаж,
- Өө тийм хол явах хэрэггүй. Тэр хүн гөрөөсийг эндээс эрье гэв.
- Ойлгохгүй байна гэж Джад гайхан хариулав.
- Ойлгож ядах юм байхгүй. Газар дор юу байгааг үзье гэвэл даруй ухаж эхлэгтүн гэж би хэлдэг юм даа.
- Мистер Моуди! гэсэнд хувиараа мөрдөгч машины хаалгыг налж зогсоод,
юм уу, эсвэл таныг нээрээ эрлэгийн оронд явуулах гээд байгаа юм уу гэдгийг тодруулж мэдэх хэрэгтэй байгаа юм гэв.
- Катскиллд ... гэж Джадыг эхлэн дуугартал,
- Өө та тийшээ яваад яах юм бэ, доктор оо гээд
машины хаалгыг онгойлгож,
- Буугтун гэв.
Джад мэл гайхаж хоцроод машинаас буулаа.
- Таны аялал бол ердөө жирийн нэг зарлал төдий байсан юм. Аварга загас барья гэвэл усанд цус нэмэх хэрэгтэй гэж би хэлдэг юм даа.
Джад хувиараа мөрдөгчийн өөдөөс үг дуугүй ширтэв.
- Таныг Катскиллд хүрч чадахгүй байсан болов уу гэж санаа зовоод байна гэж Моуди хэлээд машины урд очиж, моторын тагийг өргөв. Джад ойртож очоод цилиндрийн бүлэг дээр гурван жижиг тэсэрдэг хасаа тавьж, тусгаарлах туузаар бэхэлсэн байхыг харав. Асаах системээс зүүн тийш хоёр нарийхан утас тавь сан байлаа.
- Ойлгож байна уу? гэж Моудийн асуухад ийм юм үзсэндээ гайхан мэлэрсэн Джад,
- Та яаж үүнийг ... гэж эхэлтэл,
- Би нойр муутай гэдгээ танд хэлсэн шүү дээ. Тийм болохоор шөнө дундын үед наашаа ирж, шөнийн манаачийг ондоо нэг газар цэнгэн зугаац гэж мөнгө өгөөд харанхуй буланд сууж байлаа. Энэ манаачид та дахиад хорин доллар зарах болно доо гэв.
Джад энэ пагдгар тарган эрд талархах сэтгэл цээж дүүрч байгааг мэдрэв.
- Доктор оо, манай энэ бяцхан асуудлын юу нь миний сонирхлыг татсан гээч? Таван минут тутамд таныг алах гэж оролдсон юм уу, эсвэл ... Энэ "эсвэл" гэдэг л миний анхаарлыг татсан. Та өөрөө солиорсон - Үүнийг хэн хийснийг харсан уу?
- Хараагүй. Намайг энд ирэхээс өмнө бүгдийг дуусгасан байсан. Өглөөний зургаад ийшээ хүн ирэхгүй юм байна гэдгийг ойлгоод үүнийг анхааралтай үзсэн юм гэж Моуди хэлээд нарийхан утсыг зааж,
- Танай найз нар их буурьтай улс юмаа. Тэд нар хоёр дах шугам тавьсан байна. Машины хамрыг сөхөхтэй зэрэг тэсрэх байсан. Бас асаалтуурыг залгахтай зэрэг тэсрэх байсан. Энэ тэсрэх бодис гараашийн тэн хагасыг дэлбэлэхэд бүрэн хангалттай гэв.
Джадын дотор харанхуйлаад ирлээ.
- Бүү гутрагтун. Бид хичнээн их урагш ахисан байна вэ, харагтун. Бид хоёр чухал асуултын хариуг нэгэнт оллоо. Нэгдүгээрт та сэтгэл мэдрэлийн өвчтэй биш юм байна. Хоёрдугаарт гээд мөрдөгч инээмсэглэхээ больж,
- Хэн нэг хүн доктор Стивенс таныг алах гэж тун их хүсэж байгаа юм байна гэлээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited