#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.17 12:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.21.16 5:44 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Тэр өглөө Маршал Жан Золингийн галт тэрэг Лирдэнд дөхөж явлаа. Цонхоор хотын дүүргийн байшин барилга харагдаж эхлэв. Чан дээд талын ханзан дээр үүргэвчийнхээ араар орон хэвтэж явтал гэнэт тэсрэлтийн хүчтэй дуу гарлаа. Огцом түлхэлт мань эрийг шалан дээр авч шидэв. Энд хэдэн хурам анир чимээгүй болсноо ёолох, хашгирах дуун гарч эхлэв. Хамгаалалтын дарга вагоноос гарах тушаал өгөв. Цэргүүд түүний тушаалтай тушаалгүй хаалга руу гүйлджээ.
Галт тэрэг дээгүүр нь өөр төмөр зам гарсан гүүрэн дор зогсжээ. Их эрт байв. Гүүрэн дээрх дэр модны дундуур бүдэг нарийхан зурвас гэрэл тусна. Гүүрийг доороос харахад тэдний хуарангийн жорлонгийн өмнө унжуулан тавьсан хуучин сийрс лугаа адил үзэгдэнэ. Цэргүүдийн сууж явсан вагон замаас гарсан бөгөөд өмнөх вагон нь хажуугаараа харж, шаланд нь том цоорхой гарчээ. Цоорхойгоос нүүр нь цусанд будагдсан маршалын хувцастай хүний хүүр дүүжлэгдэн байлаа.

Чан энэ үед алагдсан хүнийг анхааран харахтай мантай байсан учир энэ бүхнийг хожим сэргээн боджээ. Төмөр замын далан шорооны цаанаас вагон руу буудахад цэргүүд газар хэвтэн шагайлгүй хариу буудаж байлаа...

Дайсан этгээд буудахаа зогсмогц хамгаалалтын цэргүүд босон харайж төмөр зам дээр гарав. Цэрэг хувцастай хэдэн хүн зэргэлдээх байшингийн зүг зугтан, бөхийн гүйлдэхийг Чан өөрийн нүдээр харжээ. Тэд удалгүй шошийн тариаланд орж алга болов. Гэвч Чан энэ бол япон цэргүүд мөн гэдэгт бат итгэжээ.

Буудалцаан зогссон хойно хятад цэргүүд эвдэрч сүйрсэн галт тэргээ анхааран үзэв. Салж тасарсан вагоны шалны цоорхойгоор алагдсан шархадсан хүмүүсийг гаргаж төмөр замын далангийн зэргэлдээ өвсөн дээр тавилаа. Алагдагсдын дотор тэдний хамгаалж явсан маршал Жан Золин байсан гэж ярилцав.

Чан вагоноос гүйн гарах үедээ түүнийг харснаа санав.

Удалгүй хэдэн машин ирж алагдагсдыг авч одсон ба цэргүүд хуарандаа хүртэл бүх л хотыг явган туулах болжээ.

Маршал Жан Золинг ёслол төгөлдөр оршууллаа. Түүний алдар гавьяаг өргөн магтав. Одоо түүний эрт урьдын явдлыг дурсах хүн байсангүй. Нэгэн үе Жан замын дээрэмчин-хунхууз нарын толгойлогч байжээ. Гэвч бусад хунхуузаа бодвол илүү сэргэлэн зальтай ажээ. Орос японы дайны үед Жан мэргэжлийнхээ хэлбэрийг бага зэрэг өөрчилж японуудад хүчин зүтгэхээр явжээ. Манжуурт орос цэргийн ар талаар тэнүүчлэн ачаа хөсөг дээрэмдэж, жижиг гарнизонд довтлон, цэргийн жагсаал отон буудаад манжуурын толгод дунд дахин алга болдог байв. Японууд үүнийг нь үнэлж сайн шан өгчээ. Эхлэл нь энэ. Арван жилийн дараа Фынь-тянь мужийн захирагч, бас хэдэн жилийн дараа хятадын хувьсгалын эсэргүү хүчнийг нэгтгэсэн, улс орныг илбэн тохинуулах цэргийн ерөнхий командлагч болжээ. Түүний цэрэгт японы анги салбар орж, маршалын эрх мэдэл Манжуураас алс хол халин гарч, хятадын их цагаан хэрмийг өнгөрчээ. Саяхан болтол маршалын өргөө Хятадын нийслэл Бээжинд байрлаж байлаа. Жан гоминданы цэрэгт шахагдан арга буюу нийслэлээс зайлж, өөрийн найрсаг Японы Квантуны армийн ивгээлд оржээ. Одоо бүх зүйл дуусчээ. Маршал Жан Золингийн шарил тавьсан их бууны тэргийг цэргийн морьд хотоор чирэн явахад сониуч хүмүүс хошууран дагана.

Маршалыг сүүлчийн удаа хүндэтгэж байгаа нь энэ. Шарилын араас талиигаачийн хань нөхөд эмгэнэн дуу шуугүй дагажээ. Маршалын хүү, хүүхэд царайтай залуу Жан Сэюлян анх удаа цэрэг хувцас өмсөн явах агаад түүний хажууд японы тусгай төлөөлөгчдийн тэргүүн, ерөнхий сайд, генерал Танакагийн бие төлөөлөгч чин зоригт барон Хаяши цэмцгэрхэн алхана. Урт ширвээ сахалт барон Хаяши мөн генерал цолтой боловч энэ удаа энгийн хувцас өмсчээ. Түүний ордны ёслолын сайдын бортогон хар малгай цэргийнхний хар ногоон саравчтай малгайн дундаас онцгой ялгаран харагдана. Залуу Жан Сюэлянгийн нөгөө талд талийгаач эцгийнх нь цэргийн зөвлөх, японы жанжин штабын ажилтан генерал Нанао явиа. Ард нь хагас алхмын зайд зөвлөхийн хиа, хурандаа Доихара, гялалзсан сэлэм хүндэтгэлтэйгээр барин явна... Энд Квантуны армийн командлагч, штабын офицерууд байсны дотор хүнд гарз тохиолдсон маршалын хүүд эмгэнэл илэрхийлэхээр ахмад Кавамота бас ирээд байлаа.

Токиогийн сонинуудад бичсэнчлэн цадигаа алдсан алуурчдын гарт амь үрэгдсэн Японы их анд нөхрийг оршуулав. Жан Золингийн амийг хорлосон явдал бол талийгаач маршалын амь хайргүй тэмцэж байсан Нанжин дахь гоминданы засгийн газрын талыг баримтлагч партизануудын үйл явууллага гарцаагүй мөн хэмээн Мүгдэнгийн цэргийн штабаас илэрхий шуудхан мэдэгдэв.

Квантуны армийн штабын дарга дэслэгч генерал Сайто эмгэнэлд гарын үсэг зуржээ. Тэр Манжуурын төрийн тэргүүний шарилын ард бас л явж байлаа.

Харин өөрийн байр байдлаараа оршуулгын ёслолд оролцвол зохих нэгэн хүн энд алга байсан нь Өмнөд Манжуурын төмөр замын хувь нийлүүлсэн компанийн захирлуудын захиргааны дарга Окава Шүмэй ажээ. Тэр бие муу хэмээн ирсэнгүй. Өөрийнх нь мэдлийн Өмнөд Манжуурын зам, Бээжингийн төмөр замтай огтлолцдог яг тэр хэсэгт хорлон сүйтгэх ажиллагаа болсон явдал түүнд нөлөөлсөн гэж хүмүүс ярилцав. Гэлээ ч Окава Шүмэй оршуулгын ёслолд далдаас оролцжээ.

Оршуулгын цуваа хотын гудамжаар алгуурхан хөвөрсөөр хамгаас хүчтэй хувь нийлүүлсэн компанийн байшингийн дэргэдүүр өнгөрөх үес Окава үзэгдэхгүйг хичээж, өөрийн кабинетын нээлттэй цонх руу болгоомжтой ойртон очиж, доош харав. Хөшигний ард нуугдан зогссон тул түүнийг гудамжнаас нэг ч хүн харсангүй. Өндөр туранхай биетэй, дөчин настай энэ японы гүргэр төвөнх нь цардмал захны дээрээс төвийж, хянгадуу хамар нь царайг нь махчин шинжтэй болгожээ. Гэлээ ч захирлуудын захиргааны даргын нүүр царайны хамгийн содон зүйл бол өсгөдөг шил лугаа адил зузаан шил зүүсэн нүд билээ. Энэ зузаан шилний цаана хоёр сүүмгэр хар хүрэн хижим загас харагдах агаад Окаваг шилээ авмагц нөгөө хижим загас алга болж, оронд нь цоо ширтсэн хурц харцтай онигордуу нүд гарч ирнэ. Европ хувцастай цэмцгэр ганган энэ хүний биедээ эрэмшсэн, ажил үйлс нь өөдрөг байдал харваас илэрхий.

Окава нүдний шилээ аван театрын дуран хийгээд харвал хаалттай авс, зээрд морины нуруу, татлага, цэргийнхний жигд намалзсан саравчтай малгайнууд, тэдний дундаас ганцаар шовойсон хар бортогон малгай, энэ бүхэн нээлттэй цонхонд нэгэн зэрэг ойртон ирж, дурангийн хараанаа маршалын хүү Жан Сюэлянгийн хүүхэд царай тодорлоо.

"Энэ хүүхэд биеэ хэрхэн авч явах бол" гэж Окава бодоод дурангаа буулгав.

Талийгаач маршалын хүү саяхан Японд цэргийн сургууль төгссөн боловч хятадад хүмүүс хурдан хувирч чаддаг тул яаж ч магадгүй. Жан Сюэлян эцгийнхээ оронд зүүн гурван мужийг захирах болсныг Окава хэдийн мэдэж байлаа. Одоо энэ хүү хэний талд орох бол?


Top
   
PostPosted: Apr.26.16 9:28 am 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 275
Зиа зиа, энийг ч сонирхох хүн ховор бололтой, цагаа үрэхээ больё доо...


Top
   
PostPosted: Apr.26.16 10:27 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
Уг нь уншиж бга хүмүүс байгаа л байх


Top
   
PostPosted: Apr.26.16 4:02 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.05.14 5:59 pm
Posts: 2
unshij baigaa shv. end yaj yum bichdegiig ni medehgvi haij baij olloo.


Top
   
PostPosted: Apr.26.16 6:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
сонирхолтой байна 1925 онд жан зо лин монгол руу довтлохоор бэлтгэж байсан байдаг.


Top
   
PostPosted: Jul.20.16 1:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Yrgeljlyleed yavuulahgyi um uu..?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.02.17 5:55 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Зүүн гурван мужийн талийгаач захирагч маршал Жан Золин нэгэн удаа газрын зурагт хуудас хэвлэж, өөрийн мужийн бүх хотод наах зарлиг буулгасныг Окава санав. Зурагт хуудсыг "Үндэсний гутамшгийн газрын зураг" хэмээн нэрлэжээ. Зурагт Зүүн гурван мужийн харьяанд Зөвлөлтийн Владивосток, Приморье, Гадаад Монголыг... оруулж, "Энэ газар нутаг хүнийх болоод удсан ч бид буцааж авах болно" гэж энд тэндгүй том үсгээр бичжээ.
Окава Шүмэй хүйтнээр мушилзан: "Энэ муусайн шавьжууд хүртэл бас тэнгэрийн хүүгийн эзэн хааны замаар мөлхөх санаатай Жан Золин, Фын Юйсянгийнхан бие биенээ урж, хойт зүгт оросын нутаг руу харж байгаа. Тэгж л байг! Энэ бол муугүй хэрэг, бид шийдэх болно..." гэж бодов.
Оршуулгын цуваа Өмнөд Манжуурын компанийн байшингаас өнгөрлөө. Цувааны сүүлд, Жан Золингийн шарилыг нүхэнд хийх үед буудах учиртай их буунууд явна.
"Бид цөм сүүдэртэй гудамжинд очих болно..." гэж Окава эртний япон найрагчийн шүлгийг дуулдахуйц хэлээд, хамар дээрх шилээ засав. Шилний цаанаас сүүмгэр, хэлбэр дүрсгүй хоёр хижим загас ертөнцийг харна.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.02.17 5:56 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Окава Шүмэй төрийн албанд ажиллаж яваагүй, хэзээ ямагт хол хөндий хоцордог байсан ч түүний нэр японы улс төрийн бодлогыг тивд голлон явуулж буй тавт "Ники Сансүкийн" дунд байнга дурдагдах болжээ. Тэр өндөр албан тушаал хөөцөлдөөгүй агаад гагцхүү захирлуудын захиргааны даргаас гадна Зүүн Азийн шинжилгээний институтийн захирлын өчүүхэн тушаалтай ажээ. Энэ хүн эвгүй, зэвүүн царайтай ч хоёр тэрбум хагас иений үнэтэй ажээ! Чухамхүү энэ их мөнгийг Манжуурт оруулсан бөгөөд энэ хөрөнгийг Шүмэй Окава удирдана. Түүний мэдэлд мянган километр урт, бүх л орныг нэвт холбосон ганц Өмнөд Манжуурын төмөр зам байгаа хэрэг биш ээ. "Өмнөд Манжуурын төмөр замын компани" хэмээгдэгч, зам төмөр лугаа адил урт нэртэй энэ хувь нийлүүлсэн нийгэмлэг локомотив, вагон, байшин барилгуудаас гадна бас хэд хэдэн нүүрсний уурхай, төмөрлөгийн завод, ой модны эдэлбэр газартай... ажээ. Иймээс ч төмөр замыг хамгаалах зорилготой байгуулсан Квантуны армийн штабт хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирлын үг шийдвэрлэх нөлөөтэй байв, Штабын дарга, армийн жанжны байнгын зочин нь Окава Шүмэй байжээ.
Өмнөд Манжуурын замын нийгэмлэгийн захиргаа Токиод байрладаг. Үнэнийг хэлэхэд энд Окавагийн гол өргөө байдаг бөгөөд түүний араар Японы аж үйлдвэрийн томчуул зогсном. Гэвч тэр Манжуур руу байнга явж, нэлээд хугацааг өнгөрүүлнэ.
Нэг удаа Квантуны армийн штабын дарга, үе залгамжилсан самурай Хонжио Шигэрү рүү утасдав. Энэ генералд итгэж болох бөгөөд Окава түүнийг жанжин штабын шугамаар сайн мэдэх билээ. Захирал дөнгөж сая Токиогоос иржээ.
- Хонжио-сан, уулзаж ярилцмаар юм байна... Би танд сайхан мэдээ, мэндчилгээ... авчирлаа гэж Окава хэлжээ.
Тэр хоёр штабын байрнаас холгүй талбайд байдаг "Яма-то отел"-д уулзлаа. Тэнд бас Окавагийн онцлон үздэг, шийдмэг үзэлтэй ахмад Кавамота байв.
Эзэгтэй идээ будаа, шаазан лонхтой халаасан архи авчирч тавиад гийчдэд үйлчлүүлэхээр хостас-голшиг бүсгүйчүүлийг дуудан ирүүлсэнд Окава тэднийг тэсэж чадалгүй занган буцаав.
Тэд европ хувцас буюу даргар цэрэг хувцасны оронд элбэг тавиун кимоно өмсөж, сийрсэн дэвсгэр дээр тухлан суужээ.
Окава ирсэн зорилгоо шуудхан хэлэв.
- Жан Золингийн талаар та нар юу бодож байна вэ? Хэдий болтол энэ манж бидэнд хоёр нүүр гаргах юм бэ? Энэ манж, байн байн өөр тийш харах боллоо. Үүнд бидний санаа зовох юмгүй ч... хөрөнгө торго нэхэгч хүр хорхойн үүр лугаа адил бүрэн тайван байх ёстой, эс тэгвэл утас гарахгүй... Тайваний банканд болсон шиг манай хувь нийлүүлэгчид өөрсдийн хөрөнгөөр цонх руу маань мөлхөхийг би хүсэхгүй. Хонжио-сан, та миний хэлснийг зөвшөөрч байна уу?
Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн захирал гоёмсог сайхнаар дүрслэн бага зэрэг сунжруувтар ярив.
Японыг хар салхи, газар хөдлөлт лугаа адил түрхрэн нөмөрсөн санхүүгийн саяхны хямрал арлын эзэнт улсын эдийн засгийг ганхуулжээ. Хямрал Өмнөд-Манжуурын замын онгоцны жолоог алдуулсангүй, онгоц хангалттай хүчирхэг том агаад өөрийн улсын бүх хүчинд тулгуурлан байлаа. Компанийн хувь нийлүүлсэн тэмдэгтийн тэн хагас нь засгийн газрын мэдэлд байдаг ч гэсэн эдийн засгийн хямралын хүчит шуурга энэ живдэггүй баатарлаг хөлөг онгоцны татлага, дарвуул тэргүүтнийг эвдэж амжсаныг Хонжио сан мэдэж байв. Өмнөд Манжуурын төмөр замын компанийн захирал өөрт нь итгэн хариуцуулсан энэ хөлөг онгоцыг тогтоон барьж байхын тулд асар их хүчин чармайлт гаргах шаардлагатай байлаа. Дахин энэ мэтээр доргиулж болохгүй.
Генерал Хонжио анхааралтай сонслоо. Түүний догшин царай хүчлэн анхаарсан байдлаас өөр юу ч үл өгүүлнэ. Хонжио болж буй үйл явдлыг сайн мэддэгийн хувьд ерөнхий захирлын ярьсан бүхнийг мэдэж байлаа. Сүүлийн үед, нүднээс далдуур "хунхууз" хэмээн жанжин штабынхны нэрлэдэг Жан Золин улам бүр болгоомжтой байхад хүргэх болов.
"Хунхууз" Чан Кайши буюу Ү Пэйфу зэрэг хятадын бусад генералуудтай дайтаж байсан. Гэвч тэд цөм адилхан хөлсний этгээдүүд, ялгаа нь гэвэл Жан Золин японы талыг баримталдаг шиг, нэг нь английн талыг, нөгөө нь америкийн талыг барьдагт оршино. "Хунхууз" сүүлийн үед илэрхий сэжиг төрүүлэх болж, худалдаа, аж үйлдвэрийн газрын өмчийн онцгой эрхийг Японы талд олгохдоо их дурамжхан байх боллоо. Энэ талаар жанжин штабын тагнуулын хэлтсийн ахмад Кавамота хэнээс ч илүү сайн мэднэ.
- Бид хунхуузыг хараанаас гаргаж болохгүй. Ахмад Кавамота миний хэлснийг батлах байх гээд Хонжио ярилцагч гуравдагч хүний зүг толгой дохиод-миний бодоход Жан Золингийн од хэлтийж байна. Цэргийн амжилтаар ч гоц гойд юмгүй. Манжуурт хятадын генералуудын хооронд, мөргөлдөөн гарахаас болгоомжилж бид Шанхайгуаний районд хүч нэмэгдүүлэхээс аргагүй боллоо. Хунхуузыг Бээжингээс Мүгдэнд шилжүүлж, цэргийнх нь зэвсгийг хураах боломж байна гэв.
- Тэр Мүгдэнд юу хийх юм?! Авч хаях хэрэгтэй! Хунхууз нэгэн овжин америктай нууцаар уулзах болсныг бид мэдэж байна гэж ахмад Кавамота эрс татгалзав.
Энэ чинь надад илүү таатай санагдаж байна гэж Окава мушилзан - Эзэн хааны замаар явахын тул гарынхаа хүлээсийг авах хэрэгтэй. Япон бол бурхан бүтээсэн анхны улс мөний хувьд бүх дэлхийг захирах ёстой Энэ бол бурхны өмнө Ямато улсын хүлээсэн тэнгэрлэг үүрэг мөн. Би энэ тухай японы цэргүүдийг Сибирьт байхад ярьж байсан, одоо ч энд Манжуурт бас ярьж байна. Эзэн хааны сүйх тэрэг мөлхөж яваа гинжин дугуйтыг тойрч гарч болохгүй. Кавамота-сан, та миний хэлснийг ойлгов уу? гэлээ.
- Ойлголоо... Гэхдээ жанжин штабын бэлтгэлд одоогоор байгаа хурандаа Доихараг татан оролцуулбал ямар вэ? гэхэд
- Тэгж болох юм гэж би бодож байна. Доихарад хятадын цэрэгт албан хаах эрх олгосон эзэн хааны бичиг хэрэгтэй гэж Хонжио үгээ зөөн хэлэв.
Яриа улам бүр ил цагаан болж байв. Эрчүүлийн яриаг ил цагаан болгодог саке хэмээх цагаан будааны архи нөлөөлсөн бололтой.
Хавар эрт болсон "Ямато-отеле"-гийн уулзалтын дараа гуравдугаар сард японы армийн хурандаа Доихара Кэнжи хятадын маршал Жан Золингийн цэрэгт шилжин алба хаахыг зөвшөөрсөн эзэн хааны өндөр шийдвэрийг хүлээн авчээ. Доихара хятадын зүүн гурван мужийн захирагчийн штабт Японы зөвлөх генерал Нанаогийн хиа хэмээх даруухан тушаал эзлэв. Эзэн хааны шийдвэр гартал Доихара японы жанжин штабын хоёрдугаар буюу тагнуулын хэлтэст алба хааж байв.
Гурван сар өнгөрлөө... Цэрэг дайны байдал түвэгтэй боллоо. Жан Золингийн цэрэг Манжуур тийш ухран байлдаж хятадын цагаан хэрэмнээс гарч маршал, Квантуны армийн штабын заавраар эртний нийслэлийг орхин Мүгдэнд шилжин ирэх болов.
Маршал Жан Золин хүн амьтны анхаарал татахаас болгоомжилж шөнө дунд тусгай галт тэргээр Бээжингээс гарлаа. Бээжингийн галт тэрэгний буудал дээр маршалыг цэргийн зөвлөх генерал Нанао түүний хиа Доихара үдэн мордууллаа. Зөвлөх яаралтай ажил гарч Бээжинд түр саатахаар болж дараачийн галт тэргээр Мүгдэн рүү гарахаар үлдэв. Маршалын галт тэрэгний сүүлчийн вагоны дохионы гэрэл шөнийн харанхуйд далд ормогц Доихара Мүгдэн рүү үр тарианы худалдаачны хаягаар дараах хэдэн үгтэй цахилгаан утас илгээсэн нь:
"Гурван вагон шош явууллаа". Энэ нь маршал Жан Золин гурав дахь вагонд яваа гэсэн үг ажээ.
Ахмад Кавамота энэ цахилгааныг авмагц хөдлөх тушаал өглөө. Үүр хаяарахаас өмнө цөм байраа эзэлжээ. Ахмад Кавамотаг ахмад Үзүки болон Солонгосоос нааш нь татан авчирсан хорьдугаар саперын батальоны хэдэн миначин дагалдан явав. Төмөр замын зөрлөг дээр, гүүрэн дор хүч нэмэгдүүлсэн цэнэг тавив. Кавамота төмөр замын далан дээр гарч, галт тэрэгний ирэх зүгт удаан харав. Үүр хаяарах болоогүй учир харанхуйд дурангийн хараанаа утасны шон, алсад одсон зам төмрийн дүрс бүдэгхэн ялгаран харагдана.
Үүр цайх үес Кавамота ойртон буй галт тэрэгний чимээ сонсоод, гараа өргөн зогсож, хар хурдаар гүүрэнд... дөхөж яваа галт тэргийг нүд цавчилгүй ширтсээр байв. Гурав дахь вагон цэнэгний харалдаа ирлээ. Кавамота гараа огцом буулгасанд хүчтэй тэсрэлт нам гүмийг эвдэн нүргэлж, тал утаа, тоос тэнгэрт цойлж, төмрийн хавиралдах дуун тэсрэлтийн цуурайтай нийлэв. Саперчид ухарч эхлэх үес энд буудалцаж гарлаа. Кавамота аль хэдийн шошийн тариаланд зугтан ороод байсан боловч буцан очиж, буудалцааныг зогсоох тушаал өгөв.
Төдөлгүй цөм зам дээр зогсож байсан ачааны тэрэгний дэргэд цугларлаа. Ахмад хүмүүсээ тоолон үзвэл арвуулаа бүгд байв. Кавамота кабинд үсрэн орж, цэргүүд, ахмад Үзүкийн хамт дээр суулаа. Жолооч араа залган хөдөллөө. Ачааны тэрэг тойруу замаар давхиж, хотын нөгөө талаас орж ирлээ.
Эзэн хааны ордны олон хүнд маршал Жан Золингийн үхэл үл ойлгогдсон хэвээр үлдэв Цэргийнхэн үл дуугарна. Гагцхүү Гэнрогийн сүүлчийн гишүүн, эзэн хааны хамгийн ахмад зөвлөх хуантайз Сайонжи тэр үед тэмдэглэлийн дэвтэртээ ингэж бичжээ.
"Энэ бол тун хачин хэрэг. Энэ тухай хэнд ч ярихгүй байна гэвч үүнд японы арми буруутай биш биз?"
Ерөнхий сайд Танака дуртай дургүй ч болсон явдлыг эзэн хаанд илтгэх болов. Генерал Танака эзэн хаанд бараалхахдаа, бодлогоширсон мэт царай гарган, үүгээрээ болсон явдалд хэрхэн хандаж байгаагаа далдалж хэлсэн нь:
- Жан Золингийн галт тэрэгний дэлбэрэлттэй холбогдсон мөргөлдөөний хувьд гэвэл армийн дотор нэлээд тооны өдөөн хатгагчид байна гэж би сэжиглэж байна. Үүнтэй холбогдуулан би өнөөдөр цэргийн яамны сайдад энэ явдлыг мөрдөх шийдвэр өгсөн.
Цэргийн яамны сайд ерөнхий сайдын шийдвэрийг тайван сонсоод, эелдэгхэнээр хариулсан нь:
- Танака сэнсэй, би өөрөөсөө хамаарал бүгдийг хийнэ...
Тэр, ерөнхий сайдын ордноос гараад жанжин штабт очиж, ухаант Коисо хэмээн нэрлэдэг генерал Коисод
- Ордныхон Жан Золингийн сүйрлийн шалтгааныг мөрдөх бодолтой байна. Ерөнхий сайд энэ тухай дөнгөж сая хэллээ. Тэр бүгдийг мэдсэн хүн болох гэж хичээж, маршалын үхлийг цэргийнхний үйл ажиллагаа хэмээн бодож байна гэж сандарч догдлон өгүүлэв.
- Мань хүн хувилгааан болохыг оролдож байна уу? Гэвч мэргэн хүн өөрийнхөө хувь тавиланг мэддэггүй гэдэгсэн! гэж Коисо дуу алдав.
- Би ч бас тэгж бодож байна. Мань хүн өөрийгөө сүйх тэргэнд гүйцэгдэх тавилантай гинжин дугуйтад өргөмжлөөгүй байгаа даа... гэж цэргийн яамны сайд өгүүлэв.
- Эх орноо алдаршуулсан жинхэнэ самурай магтаал сайшаал хүртэх гавьяатай. Мөрдөлтийг явуулахгүй байхын тулд бүгдийг хийх хэрэгтэй гэж Коисо нэмж хэлэв.
Ерөнхий сайд Танака хоёр галын дунд оржээ. Түүний өрсөлдөгчид бий болсон байдлыг ашиглахаар шамлан яарчээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 5:56 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ЕРӨНХИЙ САЙД ТАНАКА


Тэр найдвартай сайн зарц боловч нэргүй ажээ... Эзэд нь зарцаа дуудах болбол алга таших юм уу "Хэй!" хэмээн хашгирах тул удалгүй энэ аялга түүний нэр болон хувирав.
Хэй Танака Гиичийнд олон жил суусан тул цөм түүнд цонхон тушаа төмөр савхан дээр суудаг тоть лугаа адил дасжээ. Улаан, ногоон өдтэй тотиос Хэйгийн ялгагдах ганц ялгаа гэвэл огт өнгөгүй ажээ. Тэр намхан босоо захтай чисчүү хүрэм, зэгэл саарал өргөн өмд, зөөлөн шаахай өмсөнө. Хэй явсан газраа хэнд ч саад болохгүй агаад анхны дуудлагаар л сүүдэр мэт чимээгүй орж ирээд эелдэгхэнээр толгой мэхийн зогсох нь хэзээ дуудахыг хүлээн үүд хаалганы орчим байнга жижүүрлэдэг мэт.
Гялайтал хуссан толгой, нарийхан гар, нүүр царай нь шошийн шүүсэнд удаан чанасан мэт хүрэн шар өнгөтэй. Урьд өмнийн дуулгавартай үнэнч зарц нарын адил Хэйгийн насыг мэдэх хүн байсангүй. Урьд Хэй хэдийгээр нэртэй байсан боловч, түүний Тайваньд сууж байсныг мартсаны нэгэн адил нэрийг нь мартжээ.
Өрхийн тэргүүн Танака Гийчи зан сайтай үедээ Хэйг зочдын өрөөнд байдаг бонсай хэмээх гоё одой нарстай зүйрлэдэг байв. Өвөг эцгээс нь Танакагийнд шилжин ирсэн энэ хүрэн бонсай хэдэн арван жилийн туршид ургаж томроогүй, жижигхэн хэвээр байгаа боловч цагийн эрхээр чулуужин хатуурсаар байлаа.
Хэй гэр орныг гайхмаар сайхан цэвэрлэн янзалж, юм угааж, хоол унд зөөж заримдаа хоол цай хийхээс гадна гоёмсог цэцэрлэгт байх дуртай, цэцэрлэгийн гүнд, том том цуурс модны сүүдэр дэх жижигхэн гоёмсог барилгыг цэвэр цэмцгэр байлгана. Бороотой үед хөл норохоос хамгаалж газраас ялимгүй хөндий тавьж, дээр нь саравч хийсэн зам өргөөнөөс нааш хөтлөн авчирна. Ногоолин өнгөт өвсөн дунд орших энэ жорлон Танака Гийчийн бахархдаг зүйл байсан боловч чухамхүү энэнээс болж японы ерөнхий сайд улс төрийн эвгүй байдалд орж уруудаж доройтох тавилантай байжээ.
Гэрийн эзэн Танака Гийчи эртний самурай гаралтай бөгөөд хуучныг бүх л талаар баримталж, дайнч өвөг дээдсийнхээ алдрыг үргэжлүүлэхийг эрхэмлэнэ. Танакагийн гэр бүлийн хамгийн ариун нандин зүйл бол хотын захын өргөөнд нь байдаг бурхан билээ. Огцорсон генерал амьдралдаа цэргийн мэргэжил, өөрийн удам угсааг хамгаас дээгүүрт тавьдаг байлаа.
Талийгаач эцгийнх нь анх зааж өгсөн үсэг бол "зэвсэг" гэсэн үгийг тэмдэглэдэг "бү" хэмээх дүрс үсэг байсныг Танака бахархан дурсах дуртай. Япон бичгийн үй олон үсгийн дундаас чухамхүү дайнч "бү" бяцхан Гийчийн анх хүүхдийн чичигнэсэн гараар бичиж сурсан үсэг байлаа. Самурай Танакагийн гэр бүлийнхэн ийм уламжлалтай ажээ.
Жил ирэх тутам "бү" үсэг Гиичийн амьдралд зөвхөн билэг тэмдгийн үүрэг гүйцэтгэхээ байжээ. Гийчийн зэвсгийн өрөөнд орж хананд өлгөсөн, харанхуйг зүсэн гийгүүлэгч гэрлийн цацраг мэт нарийхан шулуун самурайн сэлмийг амьсгаа даран бахархан харах болов. Эцэг нь заримдаа Гийчид элэнц хуланцых нь сэлмийг үзүүлэхээр өгөхөд хүү ганц удаа гар хүрмэгц догдлон чичигнэдэг байв. Энд бас цахилгаан мэт гялалзсан өнгөт богинохон сэлэм, эртний хуяг, цэргийн аймаар баг, луугийн дүрст хурц шовх үзүүртэй жаднууд... байлаа. Эртний цэргийн энэ бүх хувцас хэрэгсэл балчир самурайн үзэл санаанд амьдралын анхны алхмаас нь эхлэн нөлөөлжээ.
Эцэг нь бяцхан Гиичийг цэцэрлэгт дагуулан аваачиж, нум сумаар харваж сургахдаа, самурай алдах ёсгүй, гарцаагүй онох ёстой гэж сургамжлан түүнд ганцхан сум өгдөг байв.
Тэр үед эцгийн хэлснийг Гиичи цээжилжээ!
- Хүү минь, амьдралд амжилтад хүрэх цорын ганц бололцоог хувь тавилан олгодог юм. Энэ бол ганцхан сумаар оновол зохих, өөр сумаар онож үл болох бай мөн. Анхаарлаа төвлөрүүлж, хүчээ хурааж алдахгүй мэргэн харваж сур...
Цэргийн дунд сургуульд суралцаж төгсөөд цэрэгт алба хааж, дараа нь жанжин штабын академид суралцан төгсөж, дахин цэрэгт алба хаалаа. Энэ удаа Оростой дайтсан дайны гал дүрэлзсэн манжуурын тал, Хятад, Солонгост алба хааж байлаа... Он жил улиран өнгөрч тэрбээр цэргийн яамны сайд болж, зөвлөлтийн Алс Дорнод, Приморье, Өвөр Байгалд өнгөлзсөн түрэмгийллийг толгойлжээ.
Танака Гиичи цэрэг, амьдралын туршлага сууж ухаажсан жар гаруй насандаа огцорсон боловч улс төрийн үйл явдлаас холдсонгүй. Танака хаант Япон улсад хэрэгтэй байлаа. Тэр японы язгууртны хагас феодалын бүлэг, ордныхонд тулгуурласан сэйюкай хэмээх хамгийн харгис, хамгийн барууны үзэлт намын дарга болжээ. Удалгүй энэ бүлгийнхэн Такака Гиичийг Японы ерөнхий сайд буюу улс оронд эзэн хааны удаах хоёр дахь хүн болголоо.
Ерөнхий сайд Танака эцэг өвгөдийн заасан "Кондо" хэмээх эзэн хааны замаар замнаж хол ойрын газар нутгийг байлдан дагуулах бодлого явуулав. Ерөнхий сайд "Ниппон сэки" гэдэг Японы түүхийг бичсэн эртний ном уншиж, мянга гаруй жилийн тэртээ амьдарч байсан эзэн хаан Жинмүгээс хойч үеийнхэндээ сургамжлан "Бүх дэлхийг нэгэн дээврээр хучиж, бид гэрээ болгоё" гэж захисан үгийг тогтоож авчээ, Энэ үг японоор сумны нисэлт лугаа адил товчхон "Хакко Ичио!" хэмээн сонсогдох аж. Наран мандах зүгийн орныг эзэгнэн суурьшсан Ямато үндэстний тэнгэрлэг өвөг дээдсийн захиас ийм байж. Энэ орны ерөнхий сайд Танака Гиичи бол самурайн төрийн зарчим бүшидог ягштал баримталдаг самурай хүн. Тэр ч байтугай генерал Танакагийн анхлан сурсан нөгөө дайнч "бү" үсэг бүшидо хэмээх нэрэнд орно.
Танака Гиичи бол цэргийн хүний хатуу ширүүн зан чанар, зоримог хүйтэн тооцоо, уян хатан ухаан, ганцаарчлан бясалгах уянгалаг хандлага, тэнгэр, байгалийн сайхан, цэцэг, эмэгтэйчүүдийн үзэсгэлэн гоог... бахдан бахархах чадвар хосолсон, ёстой самурай байлаа. Генерал байгалийн сайхныг бахдах сэтгэлийн тухай ордны яруу найрагчтай сэтгэл хөдлөн ярьдгийн нэгэн адил японы түрэмгийлэн эзлэх замын талаар шулуун бүдүүлэг генерал Аракитай ярьж чадна
Танака Гиичи хэн нэгэнтэй нүүр нүүрээ харалцан сэтгэлийн яриа ярилцах болбол гэрийнхэн унтсан шөнийн цагаар уулзалдах дуртай. Зарц нарыг нэгэн адил амраах боловч үл зүүрмэглэгч Хэй ойр хавьд эргэлдэнэ. Танака түүнийг унтуулахаар явуулахад Хэй дуулгавартай нохой мэт шатан доорх байр руугаа явавч хэсэг хугацаа өнгөрөхөд дахиад л эзнийхээ анхны алга ташилтаар ороход бэлхэн, үүдэн тушаа ирчихсэн байдаг байлаа.
- Японы уран барилгын талаар ярилцъя! гэх мэтээр Танака тодорхой сэдвээр ярилцахыг санал болгох дуртай.
- Таны саналыг дуртайяа хүлээн авъя. Миний санахад Япон хийцийн бүх барилгын дундаас манайхны жорлон ёстой яруу найргийн амтыг амтагдуулах юм. Генерал аа, та миний саналыг зөвшөөрөх үү?
- Тийм ээ, зөвшөөрч байна! Өвөг дээдэс маань хүрээлэн байгаа бүх юмсыг яруу сайхан болгосны дотор жорлон орж байгаа юм. Бодоод үзэхүл өвөг дээдсийн эрхшээлээр япон айлын хамгийн бохир газар яруу найраг, гоо зүйн ордон болон хувирсан мэт.
- Танака-сэнсэй, таны хэлдэг зөв! Бүх үеийн найрагчид чухамхүү энд бүдэг гэгээтэй, нам гүмийн дунд мөрөөдөлд автан онгод нь ордог байлаа.
Генерал Танака найрагчтай санал нийлэв. Бие засах газар хөх тэнгэрийг бахдан ширтэж борооны сэрчигнэх чимээ чагнан, нам гүмийн дунд ганцаар байгаадаа сэтгэл хөгжин байхад байгальтай нэгдэн нийлсэн мэт болоод зөөлөн хөвдийг нэвтлэн газар нэвчин орох борооны дуслыг сонсох мэт болж сонсгол сонор болно.
Зарц Хэй энэ газрыг цэвэр цэмцгэр байлгаж уянгалаг мөрөөдөлт бодол төрөхөд тусална. Хэй генералынхаа сэтгэлийг дундхан байлгадаг ганц зүйл бол жорлонд нь цаас бэлтгэж тавихыг дандаа мартдаг явдал юм. Огцорсон генерал бухимдан гэртээ буцан орж тасалгаанд хэрэггүй цаас эрнэ. Үүнээс болоод сэтгэл нь хямарна... Танакагийн зэмлэхэд Хэй гэмшин толгой дохивч, өөрийн салан хайхрамжгүй занг хэрхэвч даван дийлж чадахгүй хамаг юм хуучин янзаараа байсаар байв. Генерал зарцынхаа мартамхай занд жил ирэх тутам дасаж зарим үед хариугаа авах мэт Хэйг цэцэрлэгийн гүнд дуудан авчирч хэрэггүй цаас авчруулахаар гэр өөдөө явуулна.
Огцорсон генерал Танака хөгширсөн хойноо хэнийг бичгийн ширээндээ ойртуулж байгаагаа мэдсэн ч болоосой! Үг дуугүй, хосгүй үнэнч зарц нь олон жилийн турш генералыг тагнаж байжээ. Хэй цэцэрлэгийн гүнд, бие засах газар ганцаар хоцорч, яаралгүй, туйлаас балиар ажил үйлдэн, нунтаг хүлэр цацсан ялгадастай хайрцагнаас хэрэглэсэн цаас авч, японы ерөнхий сайдын хуучин цаасны тасархай дээрх үгсийг хичээнгүйлэн уншина. Танакагийн олон ноорог дуугүй, дуулгавартай, нэргүй зарцынх нь сонирхлыг ихээр татдаг байв.
Гэнэтийн тайлал боллоо.
Токиод үе үе бороо цутгавч, халуу шатсан зун болов. Аадар бороо орсноос хойш газар хөдлөлтийн дараа бүрэн эмхэлж амжаагүй нурсан байшин барилга, цурамнаас чийгтэй хамт хиншүү хярвас, өмхөрч ялзарсан үнэр дэгдэж хотын агаар тэсэхийн аргагүй болно. Чадал хүрэх хүн бүхэн хотоос гарч, далайн эрэг, ургамал ногоо дүүрэн дүүрэг хотод очихыг хичээнэ. Танака Гиичи хотын зах дахь өргөөндөө, хаашаа ч явахгүй байхыг хичээнэ.
Шиовагийн эриний буюу Хирохито хааны хаанчлалын хоёрдугаар он, европын он тооллын 1927 он. Дөрөвхөн жилийн өмнө аймшигтай газар хөдлөлтөд нэрвэгдсэн улс орныг эдийн засгийн хямралын шинэ гамшиг дайрч, банк, үйлдвэрийн газар, хуучин пүүсүүд шинэ жилийн галын наадам лугаа адил тэсрэн шатлаа. Мөнгөө хадгалагчид, хувь нийлүүлсэн пиу эзэмшигчид, жижиг үйлдвэр, худалдааны эзэд нийлсэн олон хүн банкийг бүслэн шавж, янгинатал, түгжсэн хаалгыг эвдчин, зарим нь цонхоор орж хадгаламж, капиталаа аврах, зээл авахыг горилж, үгүйрэн хоосрохоос зайлсхийх, ядахдаа цаг хожихыг хичээнэ... Тэр ч байтугай Токио, Осака, Хиросимын том том банк санхүүгийн бүх үйл ажиллагаагаа зогсоолоо. Далайн ёроолын хүчтэй түлхэлтээс үүссэн аймшигт давлагаа мэт зах зээлийн үймрэл улс орныг нөмрөх аюул тулгарлаа. Төрийн хөлөг онгоцыг оволзон давлагаалсан шуналын шуурган дундуур жолоодон гарах авьяас чадвартай, хатуу гартай хүн хэрэгтэй болж. Улсын нууц зөвлөл ба эзэн хааны сонголт генерал Танака дээр буужээ. Түүнд туслуулахаар хашир туршлагатай, овжин санхүүч Такахашиг өгөв. Одоо олон зүйл, тун олон зүйл гагцхүү түүнээс хамаарах байлаа.
Такахаши санхүү, эдийн засгийн хямралын дөлөн дунд өөрийгөө үлгэр домгийн галын бурхан салмаандар шигээр бодно. Энэ гамшиг бол хатуу сэтгэлт хөгшин Такахашийн үйлдсэн үйл ажиллагаа байлаа. Түүний явуулсан бодлогын үрээр жижиг үйлдвэр, банк, бутархай мөнгөний конторын эзэд сүйрэлд орлоо. Салмаандар Такахаши итгэсэн хүмүүстээ ийн ярьдаг байв: "Бас дахиад жаахан үймээн дэгдээх бололцоо надад олгоод орхи, байдлыг ашиглая... Би хүчтэйг дэмжинэ, бусад нь үхвэл үхэг. Энэ бол дээр нь санхүүгийн систем батжин хөгжих шүр мөн..."
Такахашийн санаснаар болж улсын хэмжээнд Мицүи, Сүмимото, Ясүда зэрэг таван том банк монополь эрхийг авлаа. Бүтэн хагас сарын дараа сангийн яамны сайд Такахаши үй түмэн жижиг үйлдвэрийн эзэд, худалдаачдын үгүйрэл хоосролын үнээр улс орноо санхүүгийн аюулаас аварч, огцорсон билээ. Такахаши дахиад Танакагийн засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй ч, тэр хоёр найз хэвээр үлдэв. Ерөнхий сайд Японы Окава мэтийн том капиталын ашиг сонирхлыг баримтлагч, аймшиггүй царайтай, уужим тайван энэ хүнээс байнга зөвлөлгөө авч байлаа.
Такахаши санхүүгийн дарангуйлагчийн суудлаас огцрохынхоо өмнө ерөнхий сайдад хэлсэн нь:
- Танака-сан, та бидний хийсэн юмс зөвхөн эхлэл... Бидэнд эдийн засгийн доргилтод тогтвортой байшин хэрэгтэй... Яг л газар хөдлөлтийн хамгаалалт шиг. Энэ тогтворыг бид тивийн бодлогыг уян хатан, чадварлаг явуулснаар бий болгоно. Энэ тухай бодоорой, Танака-сан. Бидний тэнгэрлэг эцэг, эзэн хаан Жинмүгийн "Хакко Ичио" гэж хэлсэн үгийг ямагт санаж явах хэрэгтэй... Манай гэрийн дээврийн анхны өнцөг нь Хятад болог...
Такахаши зугуухан, ёжтойхон ярих зантай боловч, энэ удаа илэн далангүй байлаа. Ганц Такахаши биш. Хүчирхэг зайбацү бүлгийнхэн буюу Японы үйлдвэр, санхүүгийн томчуул ийм бодолтой байгааг Танака мэдэж байлаа. Гэтэл нөгөө Араки, Хонжио зэрэг цэргийнхэн бас яг ийм бодолтой ажээ...
Ерөнхий сайд Танака өөрийн санхүүгийн бурхан Такахашийн зөвлөлгөөг дагаж, зургадугаар сарын дундуур хотын бүгчим халууныг үл хайхран Дорнодын асуудлаар бага хурал яаралтай хуралдуулав. Дорнодын бага хурал хэмээн нэрлэгдсэн энэ хурал нууцад үл нэвтрэх хаалт хамгаалалтанд болж хуралд тоотой хэдэн хүн оролцов. Засгийн газрын гишүүдээс гадна Хятадаас японы зарим нэг дипломат ажилтнууд, Манжуураас Квантуны армийн командлагч, мөн жанжин штабын дарга, цэргийн ба тэнгисийн яамдын удирдах хүмүүс, түүнчлэн хятадыг сонирхдог үйлдвэрийн концерний төлөөлөгчид оролцлоо.
Танака бага хурал дээр яригдсан төлөвлөгөө, түгшүүр, эргэлзлийг хуваалцав. Хуралд оролцогсдын зөрөөтэй саналыг нэгтгэн дүгнэж, тэнгэрлэг эзэн хаанд толилуулах нь ерөнхий сайдын үүрэг байлаа. Бүгдийг цэгнэж, тунгаах хэрэгтэй. Танака Гиичи хаалттай хуралдааны баримт бичгийн анхны нооргийг уншиж өгөхөөр ухаалаг тооцоотой, сэргэлэн Такахашийг хотын захын өргөөндөө урив.
Мөн тэр үдэш ерөнхий сайдынд ер бишийн том толгой, сэрвийсэн ширвээ сахалтай ханхар том цээжтэй, намхан тагдгар генерал Араки иржээ. Түүний гадаад байдал, намба төрх нь нойрмог юм шиг уужуу тайван Такахашигаас шал өөр ажээ.
Араки хориод жилийн өмнө орос, японы дайны дараа жанжин штабын томилолтоор цэргийн эрдэм сурахаар Петербургт явж, дэлхийн дайнд орос цэргийн сурвалжлагчаар оролцож, оросын хэд хэдэн одон, Романовынхны гэр бүлийн гурван зуун жилийн ойн медаль, хаант орос улсын зэвсэгт хүчний тун баялаг материалтай Токиод буцаж иржээ.
Хоёр генерал зөвлөлтийн Приморье, Өвөр Байгалын түрэмгийлэлд оролцож явсан эрт урьдын анд нөхөд байв. Одоо Араки японы жанжин штабын академид ажиллаж, оросын асуудлыг ганц мэдэх хүнд тооцогдож буй тул меморандумын талаар түүний юу хэлэхийг сонсох нь ерөнхий сайд Танакад туйлаас чухал байлаа.
Араки нэлээд хоцорч, шууд академиас цэргийн хувцастайгаа, энгэрт нь гялалзан буй "алтан элээ" хэмээх Орост олон жил алба хаасны учир шагнуулсан одонгоос өөр одон медальгүй ирэв. Араки ерөнхий сайд өөрийг нь туйлаас онцгой уулзалтад урьсныг мэдэх бөгөөд чухамхүү энэ одонг сонгож зүүсэн нь жирийн тохиолдлын хэрэг биш.
Тэр малгай бээлийгээ Хэйгийн гар дээр шидээд, сэлмээ хангинуулан тасалгаанд орлоо. Араки ерөнхий сайдаас насаар арван тав орчим дүү тул туйлаас эелдэгхэн байж, гэрийн эзнийг "сэнсэй" буюу "түрүүлж төрсөн" хүндэт багш гэсэн утгаар хүндэтгэн дуудах бүрэн үндэстэй байв.
- Сакэ уух уу? гэж гэрийн эзэн асуулаа.
- Үгүй ээ! гашуун нясуун юмны хэрэггүй гээд Такахаши дэвсгэр дээр сууж, Хэйгийн өгсөн ам арчдаг халуун чийгтэй алчуурыг халхайцан аваад
- Би бага хурлын үеэр ордон дотор яг л энэ нойтон алчуур шиг боллоо шүү. Тэнд юу гэж шийдсэнийг гадарлахгүй байна... гэв.
Такахаши заль гаргаж буйг Танака мэдэж байлаа. Зарцаа цай авчирмагц
- Өнөөдөр чиний хэрэггүй, унтаж болно... Үүд сайн хаагаарай гэж буцаав.
Зарцаа гармагц, ерөнхий сайд цүнхээ авч, юм бичсэн баахан цаас гаргаад
- Би та нарыг гагцхүү эзэн хааны мэлмийд толилуулахаар бэлтгэсэн зүйлтэй танилцуулж, уужим сэтгэлийн зөвлөлгөөг тань сонсох гэсэн юм гэв.
Зочид дуугүй толгой дохиж, Танака уншиж эхэлсэн нь:
- "Ерөнхий сайд Танака Гиичи миний бие Манжуур, Монголд ултай бодлого явуулах үндэслэлийн меморандумыг Таны олон албат иргэдийн нэрийн өмнөөс Танаа өргөн барья".
"Хятадыг байлдан дагуулахын тул, эхлээд Манжуур, Монголыг эзлэн авах хэрэгтэй. Дэлхийг дагуулахын тул эхлээд Хятадыг эзлэх хэрэгтэй. Хэрэв бид Хятадыг байлдан дагуулбаас бага азийн бусад бүх орон, Энэтхэг, мөн түүнчлэн Өмнөд тэнгисийн орнууд бидний өмнө айж, бууж өгөх болно. Тэр үед дэлхий Зүүн Азийг манайх гэдгийг ойлгож манай эрхийг булаалдах зүрхгүй болно.
Мэйжи хааны бидэнд гэрээсэлж үлдээсэн төлөвлөгөө ийм бөгөөд үүнийг биелүүлэх нь манай японы эзэнт улсын оршин тогтноход чухал ач холбогдолтой бүлгээ".
- Танака-сэнсэй би таны унших явц дундуур саналаа хэлж болохсон болов уу? гэж Такахаши асуув.
- Бололгүй яах вэ, энэ чинь санаа сэдэхэд бүр ашигтай,
- Тэгвэл, би нэг санал хэлмээр байна. Өмнөд Манжуурын төмөр замын захиргааны мэдээлснээр Манжуур, Монголын төмрийн хүдрийн нөөц тэрбум илүү тонн, нүүрсний нөөц -хоёр хагас тэрбум тонн. Бид энэ төмөр, нүүрсээр далан жилийн хүрэлцээгээ хангана. Цаашлаад ой мод, хөнгөн цагаан, тариа... Энд л японы эдийн засаг газар хөдлөлтөд тогтвортой байх болно. Үүнийг авах хэрэгтэй! гэж Такахаши гараа толгой дээрээ хомхойлон эргүүлснээ, олзоо барин авсан мэт ширээн дээр буулгаад
- Гэхдээ эхлээд бид эдгээр нутагт энх амгалан, нам гүмээс өөр юу ч хүсэхгүй байгаагаа, үүний хариуцлагыг Япон улс өөрөө даан авч аливаа нэгэн эмх журамгүй явдал гаргуулахгүй гэж чангаар зарлах хэрэгтэй... Тэгээд бид тэр хоорондуур яргана, яргана яргана... гээд Такахаши гипноз хийх мэт гараа алгуурхан дохиж, - Бид тийш нь офицеруудаа хятад тариачин, гар урчуудын хувцас өмсгөн нууцаар явуулъя. Тэд итгэлийг олж, газар худалдаж авцгааг, дараа нь бид тэр газрыг хамгаалахаар цэрэг явуулна... Та миний хэлснийг ойлгов уу? гэв.
Араки санал зөрж
- Бүхнийг хурдан шийдвэрлэх арми байхад энэ хэтэрхий удаан байна гэлээ.
Такахаши Аракийг басамжлан хараад
- Яарвал даарна... гэсэн зүйр үг бий гэж хариулав.
Танака дахиад меморандумын гар бичмэл дээрээс тонгойв. Тэр уншихаа больж Аракийн дайнч, Такахашийн болгоомжтой, далд муу санаа бүхий саналыг сонсож, тэмдэглэл хийгээд, хэдэн зууны тэртээ эцэг өвгөдийн нь ухаан санаандаа тунгаан боловсруулаад хэрэгжүүлж амжаагүй түрэмгийллийн өргөн төлөвлөгөөг нэгэн янзын аялгуугаар дахин уншиж гарлаа. Энэхүү төлөвлөгөө хэрэгжээгүйн гэм бурууг Танака өөртөө болон өөрийн үеийнхэнд хамааруулав. "Одоо болтол энэ зорилт биелээгүй явдалд таны зарц албат нар буруутай" гэж тэнгэр язгуурт эзэн хаан Хирохитод бичжээ.
Өвөг дээдсээ гүнээ хүндэтгэн сүм хийдэд сүнс сүлдэнд нь залбирдаг энэ оронд дээдсийн нэр барин хүмүүсийг түрэмгийлэлд татан оролцуулах нь юм юмнаас хялбар байжээ. Эзэн хаан Жинмүгийн гэрээсийг хэрэгжүүлэх үүргийг орчин цагийн үйлдвэрийн монополь, банк, арми, усан цэргийн флотын төлөөлөгчид өөртөө авлаа. Тэд газар нутгаа чамлан, эдийн засгийн хямралын улмаас бачимдан бухимдаж, уудам цэлгэр Ази тивийн зүг тэмүүлж, эзэн хааны Кондогийн замд тээглэсэн хэнтэй ч болов зэвсэг зөрүүлэхэд бэлхэн байв. Араки өөрийнхөө үгэнд өөрөө сэргэн, энэ тухай сэтгэл хөдлөн ярилаа. Өмнө нь дайсан ирчихээд зогсож байгаа мэт жижигхэн хурц нүд нь хүйтнээр гялалзаж, том хамар нь сарталзана.
- Манай хамгаалалт Японоор хязгаарлагдаж болохгүй, улс орны ирээдүй өөд явах замыг оруулах ёстой. Кондогийн дайсныг хаа гарч ирсэн газарт нь хайр найргүй авч хаях хэрэгтэй. Хятад ч бай, өмнөдийн орнууд ч бай, эсвэл дахиад Орос ч бай, ялгалгүй авч хаях хэрэгтэй гэж Араки хэлэв.
Араки Зөвлөлт Оросын талаар туйлаас хорсолтой ярив.
- Оросын Приморье, Өвөр Байгалыг тийм сайхан довтолж эхэлсэн байтлаа ялагдсанд харамсаад баршгүй, Дээдсийн сүнс бидний энэ ялагдлыг өршөөхгүй... Танака-сэнсэй, меморандумд нэгэн санаа тусгахыг танаас би хичээнгүйлэн гуйж байна. Хойд Манжуурт манайхны орсноор улаан Оростой зайлшгүй зөрөлдөөн гарах болио. Эх газарт манай амин сонирхлыг хангах зорилгоор оросын Приморье, Сибирь, Өвөр Байгалыг эзлэн авах нь зүйтэй. Би энэ санааг Кондогийн замыг хэрэгжүүлэх жанжин штабын академийн офицеруудад байнга таниулж байгаа.
Ерөнхий сайд Танака Аракийн саналыг анхааран үзэж меморандумын ноорогт засвар орууллаа. Танака гар нооргоо бараг уншиж дуусаж, сүүлчийн хуудсыг аван уншсан нь:
"Эзэн хаан Мэйжийн гэрээслэл ёсоор манай анхны алхам Тайванийг, дараа нь Солонгосыг эзлэн авах явдал байлаа. Аль аль нь хэдийн хэрэгжсэн билээ.
Одоо гурав дахь алхмаа хийх буюу Манжуурыг байлдан дагуулж Хятадыг бүхэлд нь дарах ёстой...
Бид хятадын бүх нөөц баялгийг эзэмдэн авч, Энэтхэг, Өмнө зүгийн далайн орнуудыг дараа нь Бага Ази, Төв Ази улмаар эцэс сүүлд нь Европыг байлдан дагуулах болно. Хэрэв Ямато үндэстэн Ази тивд голлон тоглохыг хүсэж байвал Манжуур, Монголыг хяналтандаа авах явдал гагцхүү анхны алхам болно.
Ямато үндэстэн дэлхийг эзэлж болно"
Араки, Такахаши хоёр шөнө орой болсон хойно ерөнхий сайдынхаас явлаа. Гаднаас зочидтой байсан цагт явж амрахыг мэддэггүй эелдэг, дуугүй зарц Хэй тэднийг үдэн мордуулав. Тэр бүх л оройжингоо өрөөнийхөө үүдийг дутуу хаан чих тавин суужээ. Хэй гаргуун сайн ойтойгоос гадна адгуус лугаа адил сонор соргог сонсголтой ажээ. Ерөнхий сайдын танхимд болсон бараг бүх яриаг сонсож цээжилжээ. Урьд өмнө сонссон зүйлээс зарим нь мэдэх юм байв. Бохирын хайрцагнаас авдаг байсан цаасны тасархайнууд эзнийх нь меморандум зохиож байсан ноорог байжээ. Одоо тэр меморандумыг бүхэлд нь мэдэх болжээ.
Танака хэд хоногийн дараа меморандумыг дуусаж, эзэн хаанд биечлэн гардуулахаар ордон руу явахад бэлэн болов. Меморандумыг гардуулахын өмнөх өдөр урьдынхаас арай эрт ирж, дахин нэг уншаад, хуулбарын хамт хавтсанд хийгээд тавьжээ.
Өглөө нь Хэй урьдын адил ерөнхий сайдыг гадна хаалга хүртэл үдэн мордуулаад машиныг нь далд ортол хүндэтгэн бөхийж зогсов.
Танака ордонд очихын өмнө өвөг дээдсийн сүмд орж, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шийдвэрийн тухай мэдэгдэв. Сүм өөрийн асрын дор Танака Гиичийг анир чимээгүй дүнсийн угтаж авсанд, өвөг дээдсийн сүнс өөрийнх нь шийдвэрийг сайшааж байна хэмээн хатуу итгэсэн өндөр сэтгэлтэй ордонд очжээ.
Эзэн хаанд меморандум гардуулах ёслол дууссаны дараа л сая Танака өнөө өглөөхөн төмөр шүүгээнээс гаргаж хавтсанд хийсэн меморамдумын хуулбар цүнхэнд нь байхгүй байхыг мэдэв. Андуурсан биш биз дээ?
Энэ явдалд ерөнхий сайд онцын их сандарсангүй. Ширээн дээрээ мартсанаас зайлаагүй... Гэтэл Танака гэртээ эрээд олсонгүй. Хэйг дуудваас хариу алга. Гэрийнхний хэн нь ч Хэйгийн хаачсаныг үл мэдэх агаад түүний өрөөнд орвол бүх юм байрандаа байв. Дашрамд хэлэхэд юм гэдэг нь дугуйлж хуйлсан сийрсэн дэвсгэр, шигшидсэн жинтүү... ажээ. Холдоогүй бололтой.
Танака юу ч болоогүй байгаасай гэж хүсэвч зарц нь шөнө ч, өглөө ч эргэж ирсэнгүй, маргааш нь ч ирсэнгүй. Меморандумын хуулбар ч ул мөргүй алга болжээ.
Ерөнхий сайд гуравдахь хоног дээрээ кэмпэйтай буюу цэргийн сөрөх тагнуулын газарт бичиг баримт алдагдсан болон бас зарц нь алга болсон тухай мэдэгдлээ. Кэнпэйтай юу ч тодруулж чадсангүй. Он сар өнгөрсөөр хоёр жил болоход энэ явдал мартагдаж эхлэв. Зарц, бичиг баримт хоёр зэрэг алга болсныг одоо жирийн тохиолдол гэж үзэх болов. Гэтэл хожим, Танака Гиичийг нас барсан хойно "Хина критик" хэмээх хятадын сэтгүүлд японы эзэн хаанд өргөн барихаар түүний бичсэн меморандумын бүрэн эх хэвлэгдэн гарчээ.
Ерөнхий сайдын нэргүй зарц бичгийг биедээ авч явахаас болгоомжилж Танакагийн хотын захын өргөөний сууринд нуужээ. Эрэл зогссон хойно, олон сарын дараа өөр хүмүүс дахин тэр бичгийг авч Шанхайд авчирчээ. Ийнхүү Японы милитаристуудын Алс Дорнодод явуулсан олон жилийн түрэмгийллийн төлөвлөгөөний үндэс болсон Танакагийн меморандумын утга санаа ил тод болжээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 5:57 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
"САКҮРА КАЙ" БУЮУ ИНТООРЫН НИЙГЭМЛЭГ


Ерөнхий сайд Танака алх дөш хоёрын дунд буюу тивд болгоомжтой бодлого явуулах талынхан, Манжуурыг нэн даруй эзлэн авах гэсэн цэргийнхний дунд орж арга буюу огцорлоо. Эзэн хаантай ярилцсан ярилцлага танхимын уналтыг гүйцээж өгөв. Жан Золингийн үхэлд цэргийн офицеруудаас оролцсон гэдгийг ордныхон бүгд ойлгож байлаа. Танака Гиичи хэрэг явдлыг булзааруулан далдлах зорилгоор эзэн хаанд хуурамч сонсгол тавьж, хэрэгтнийг илрүүлж чадсангүй, харин хятадын маршалын хамгаалалтыг сулруулж, хариуцлага алдсан хүмүүст хэдийн арга хэмжээ авч штабын офицер Кавамотаг огцруулсан бөгөөд хэрэг явдалд хэн ч оролцоогүй, харин хайнга хайхрамжгүй хандсан... гэж мэдэгдэв.
- Энэ үг таны урьд өмнө надад ярьсантай зөрж байна гэж эзэн хаан хүйтнээр хэлээд бараалхал дууссаныг мэдэгдэв.
Энэ бол ордны дээдсийн амьдралд сонсдоогүй маргаан байв.
Танака эзэн хааны шилтгээнээс уурлан гарч, үүдэнд зогсож байсан хилэн хар моринд хөллөсөн өндөр, задгай тэргэнд ихэмсэг байдлаар сууж, сэтгэлийн дотор юу болж байгааг бусдын харцнаас нуун, суудлаа налж, морьт өмөг цэргээр хамгаалуулан ордны хаалгаар гарч одлоо.
Эзэн хаан Хирохито цонхны дэргэд зогсож, ерөнхий сайдын тэрэгний араас нүд салгалгүй ширтэж байснаа, тамга хадгалагч лордод бухимдан хэлсэн нь:
- Би ерөнхий сайд Танакагийн нэг ч үгийн үнэмшихгүй...
- Таны зөв гэж тамга хадгалагч лорд яаран хэлэв. Түүнээс гадна танхимд ордны сайд, эзэн хааны бараа бологч нэлээд шадар хэдэн хүн байлаа.
Эзэн хааны үгийг ерөнхий сайдад яаран дамжуулснаар Танака засгийн газрын танхимыг цаашид толгойлох боломжгүй болжээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 5:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Жан Золингийн үхлийн түүх аажимдаа мартагдсаар боловч японы улс төрийн янз бүрийн бодлого баримтлагчдын хоорондох тэмцэл үргэлжилсээр байлаа. Шинэ ерөнхий сайд Хамагүчи Манжуурыг эзлэн авах нь умар зүгт зөвлөлтийн Өвөр Байгал, Приморье, магадгүй Уралыг дагуулах эзэн хааны замд анхны алхам болно гэдгийг зөвшөөрсөн хэдий ч одоохондоо шийдмэг хөдлөхөөс түдгэлзэв.
Хамагүчи алсын хараатай бодлого онцгой болгоомжтой тооцоотой хөдлөхийг шаардана гэж үзэв. Шинэ ерөнхий сайд "Өнгөрснийг бүү март, түүнээс сайн багшгүй" гэсэн эцэг өвгөдийн мэргэн сургаалыг мартаагүй ажээ. Орос японы дайны алдааг давтаж болохгүй. Тэр үед Хаант орос улсын ялагдал гарцаагүй мэт байсан боловч хүч нь суларсан Япон улс аль хэдийн агшиж, хэрэглэхэд бэлэн болчихоод байсан ялалтын будааг гартаа тогтоон барьж чадаагүй юм. Хувь тавилан аягатай будааг японы зоогийн ширээний дэргэдүүр аван оджээ... Бас тэгээд англи, америкууд арлын вант улсад хайр найргүй тусалж байв. Үүнийг бас бодолцох хэрэгтэй. Эцсийн дүнд санаснаас өөр хариу гарчээ.
Оростой хийсэн дайнаар түүнийг Алс Дорнодоос үлдэн хөөх эцсийн зорилго биелсэнгүй. Зөвхөн Сахалины хагас, оросуудын байгуулсан Манжуурын төмөр замын хагас... хагасыг авчээ. Бүтэн бүрнээр авах гэсэн юм бүхний хагасыг авчээ. Бас тэгээд Хаант Оросын зэвсэгт хүчин Манжуурт үлджээ. Портсмутад хоёр тал хэлэлцэн тохиролцож, өөр өөрсдийн төмөр замын хэсгийг хамгаалахад зориулж, нэг километр зам тутамд арван таваас илүүгүй цэрэг байлгахаар болжээ. Японы хувьд энэ нь ердөө арван таван мянга, магадгүй арай ч илүү тооны цэрэг байх ёстой ажээ. Ийнхүү Квантуны арми бий болов.
Петербург боолчлогын гэрээ хэмээн үзсэн Портсмутын гэрээ бол дуудан бичүүлж байгаад дутуу орхисон өгүүлбэр лугаа адил гүйцэд бичээгүй баримт бичиг байв. Үүний төлөө сунжирсан, хүнд дайныг явуулах нь хэрэгтэй юм гэж үү?
Өвөр Байгал, Приморье руу хийсэн түрэмгийлэл бас л амжилт олсонгүй. Энэ бүхнийг цэгнэн үзэж, яаралгүй, лавтай хөдлөх хэрэгтэй. Сургуулийн самбарыг хичээл эхлэхийн өмнө цэвэрлэн арчиж, шинээр бичиж эхэлдгийн адил тивийн бодлогыг явуулж, баттай хожихын тулд бүгдийг шинээр эхлэх нь зүйтэй...
Шинэ ерөнхий сайд Хамагүчи ингэж бодож байлаа. Тэр идэвхтэй хөдлөхийг, Манжуур, зөвлөлтийн Өвөр Байгал, Приморьег авахыг эсэргүүцсэнгүй. Гэвч яаралгүй, замаа зөв сонгон авсан хүн хурдан явдаг гэсэн үг бий...
Гэтэл шалмаг хөдөлгөөний талынхан Хамагучийг японы улс төрийн бодлогын тэрэгний замд тээглэсэн бул чулуу гэж үзэв. Зэвсэг хураах асуудлаар хийсэн Лондонгийн бага хурлын дараа ерөнхий сайд Хамагүчи японы армийг дөрвөн дивизээр хорогдуулахыг нэрийн төдий, зөвхөн ёсыг бодож зөвшөөрсөн явдал дайнчдыг бухимдуулж, жанжин штабынхан үүнийг эзэн хааны армийн нэр хүндийг доромжилсон хэрэг гэж үзлээ. Бас ерөнхий сайд Хамагүчи арми, тэнгисийн цэргийн флотын төсвийг хорогдуулахыг дэмжин сайшааж зүрхэлжээ. Дайнчид түүний энэ үйл ажиллагааг уучилсангүй. Хэд хоногийн дараа залуу офицер Сагоя Токиогийн төмөр замын өртөөн дээр ерөнхий сайдын амийг хороохыг оролдож, Хамагүчийг тулган буудаж, хүнд шархтуулав.
Ерөнхий сайдын амь олон сарын турш үхлийн ирмэг дээр байсан бөгөөд энэ хугацаанд түүнийг гадаад явдлын яамны сайд барон Шидэхара орлож байлаа. Гүмбацү буюу цагаандаа гарсан цэргийнхний шаарласан ерөнхий сайд цэргийн эмнэлгийн орон дээрээс босолгүй байсаар жилийн дараа нас барав.
Токиогийн төмөр замын өртөөн дээр болсон эмгэнэлт явдал бол сонинд бичиж байсанчлан ганц нэг хүний үйлдсэн тохиолдлын чанартай аллага биш байлаа. Офицер Сагоя өөртөө харакири үйлдэж, үхэхийнхээ өмнө гэм бурууг өөртөө хүлээв. Үнэн хэрэг дээрээ бүгд шал өөр байв.

Тэр жил, Токиогийн намар тунгалаг сайхан болж цагаан, улбар шар, шар өнгийн шиватих цэцэг энд тэндгүй дэлгэрэн парк, хүлэмжинд сагсайж, Гинзагийн дэлгүүрүүдийн тольт үзмэр, гудамжны худалдаачдын сагс, цэцгийн мухлагийн лангууг дүүргэжээ. Эмэгтэйчүүд жил жилийн улирлын маягт тохируулан гоёмсог кимоно дээрээ элдэв өнгөөр шиватих цэцгийг хатгамлан өмссөн нь цэцэгс амилан, чадмаг гараар боосон баярын хурц өнгөт баглааг үүсгэн хотын гудамжаар зугаацан явах мэт.
Энэ өдрүүдэд хотын төвийн Хибия паркийн ойролцоох "Кинрютей Ин" ресторан хөл хөгжөөн ихтэй, үзэсгэлэнтэй сайхан байлаа. Жанжин штабын залуу офицерууд энэ хямдхан ресторанд дуртайяа ирцгээнэ. Рестораны эзэн, хүн бүгдэд эелдэг дөлгөөн үйлчилж, хэр тааруу үнээр хооллох бөгөөд байнга ирдэг хүмүүст зээлээр өгнө. Токиод өөр ийм сайхан мах шардаг газар олоход амаргүй. Цаас мэт нимгэн зүссэн, гантиган судалт түүхий улаан махыг ширээн дээр тавихад тансаг хоолонд дурлагчдын дурыг өөрийн эрхгүй хөдөлгөнө.
Хамагүчийн аминд халдахаас бүтэн хагас сар, магадгүй сарын өмнө "Кинрютэй Ин" ресторанд жанжин штабын академийн таних тэмдэг бүхий цэргийн хувцастай цорын ганц хүн байсан нь Окава Шүмэй бөгөөд энд голлон жүжиглэхээр ирсэн нь илэрхий байв.
Энд бас онцгой том биетэй, зааны өвчний архаг хуучны улмаас ер бусын том, гонзгой царайтай болсон их бууны дэд хурандаа Хашимота Кингоро байлаа. Хашимота Туркт японы цэргийн атташегийн үүрэг хэдэн жил гүйцэтгэж байгаад саяхан иржээ. Залуу офицерууд жанжин штабын академийг төгссөн дэд хурандаагийн эргэн ирсэн явдлыг тэмдэглэхээр "Кинрютэй Ин" ресторанд цугларсан нь энэ ажээ.
Офицерууд алс мухрын өрөөнд орж, сэлмээ тайлан, жинтүүн дээр ширээ тойрон сууцгаахад насандаа зохисон хар саарал кимоно өмссөн гэрийн эзэгтэй хижээл насны авгай мах шарахад шаардагдах бүхнийг авчирлаа. Окава Шүмэй гараа өргөж цугларагсдын анхаарлыг татлаа. Түүний яс арьс болсон хатангир туранхай агаад, магадгүй, үүнээс болж, зузаан том шил зүүсэн хамар нь хотонгийн хошуу лугаа адил харагддаг биз ээ.
- Ноёд оо! хэмээн тэр үгээ эхэлтэл эзэгтэй ирж, яриагий нь таслав.
Хүүхнүүд нүүрсний цогтой хоовон авчирч, өндөр ирмэгтэй хайруулын таваг тавив. Эзэгтэй ойрхон ойрхон алхан Окавагийн дэргэд гулсах мэт ирж, өвдөг сөхрөн зөөлөн дуугаар
- Окава-сан, та энд хүүхэн байлгах хүсэлтэй байна уу гэж асуув.
- Үгүй, үгүй... Бид үдшийг эрчүүдийн наргианаар өнгөрүүлнэ гэлээ.
Эзэгтэй газар хүртэл мэхийгээд гарав. Ресторанд эмэгтэй хүнгүйгээр сууж үзээгүй энэ баяны үгэнд гайхсан байдал эзэгтэйн царайнд илэрсэнгүй.
- Ноёд оо! хэмээн Окава давтан хэлээд
- Өнөөдөр бид удаан хугацаагаар холдон яваад эх орондоо эргэн ирсэн, жинхэнэ самурай Хашимота Кингорог хүлээн авч байна... Дэд хурандаа Хашимотагийн бидэнтэй хуваалцахад бэлхэн байгаа санаа бодлыг бид таашаан сонсохыг хүсэж байяа гэв.
Хашимота Кингоро өндийж өвдөг нийлүүлэн явган суусан нь эртний Аминдаваа хийдэд байдаг дайны бурхан Хачиман лугаа адил олноос шовойж харагдав.
Дэд хурандаа Хашимота хэт дайнч үзэлтэй хүн бөгөөд жанжин штабт оросын тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Орос орон дахь хувьсгалт хөдөлгөөний түүхийг хичээнгүйлэн судалжээ. Дараа нь Туркт цэргийн атташегээр явахдаа Зөвлөлт Оросын Сибирь, Кавказыг булаан авах бодлоо орхисонгүй. Одоо дахин жанжин штабт томилогджээ.
Урьд өмнө Хашимотагийн мэдэлд авьяаслаг тагнуулч Канда Масатона байж. Өвөр Байгал, Москвад олон жил суун, япон дэнлүүний наймаачин, гудамжны илбэчин хийж угаалгачингаар ажиллаж цагаан хэрэглэл угаан мэдээ цуглуулж байсны дүнд "ЗСБНХУ-ын эсрэг дайтах материал" хэмээх онц нууц илтгэл бий болжээ. Энэ бол Хашимотаг Туркт явахаас өмнөх хэрэг. Канда бичсэн нь:
"Ирээдүйн дайнд оросын ар талд хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах нь онцгой чухал ач холбогдолтой... Оростой хийх дайнд хорлон сүйтгэх үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ч болох юм".
Кандагийн санал болгосон Зөвлөлт Холбоот Улсын эсрэг хорлон сүйтгэх ажлын төлөвлөгөө Хашимотагийн санаанд нийцжээ. Тэр хоёрын ажил төрлийн харилцаа хэдийн нөхөрлөл болон хувирч, санаа бодол нь ихэд нийлдэг байв.
Канда Приморье, Өвөр Байгалыг ярихаа хэдийн больж, Дорнод Сибирь, түүнээс гадна Умард Хятад, Монголыг ирээдүйн дайны талбар хэмээн үзэж байлаа.
"Хэрэв тэр үед Хятадад Оростой холбоо бүхий засгийн газар байвал, түүнийг даруй түргэн устгах хэрэгтэй" гэж Канда бичжээ.
Зөвлөлтийн командлалыг Алс Дорнодын ажиллагаанд алдаа мадаг гаргаж буруу зөрүү тооцоолоход хүргэхүйц арга хэмжээ авахыг Канда зөвлөж байлаа. Үүний тулд нарийн боловсруулсан хуурмаг мэдээлэл хэрэгтэй. Олны дургүйцлийг төрүүлж, эмх замбараагүй байдал бий болгоход шаардагдах бүхнийг хийх, Сибирь, Кавказад коммунист засгийг түлхэн унагаах хэрэгтэй. Оросын цагаантны дүрвэгчдийг ашиглан хорлон сүйтгэх алан хядах бүлгүүдийг байгуулж, төмөр замын хонгил, цахилгаан холбоог эвдэлж, гол анхаарлыг сибирийн төмөр замд хандуулах хэрэгтэй.
Урьд Канда, Хашимота хоёр энэхүү ресторанд, гагцхүү өөр өрөөнд сууж байгаад, Хашимота
- Канда-сан, чи яагаад оросуудад баригдаж баларсангүй ирэв ээ? гэж асуужээ.
Канда мушилзан хариулсан нь:
- Би юм л угаадаг байсан... Миний тагнуулчид угаах зүйлийн тэмдгэнд мэдээг шифрлэн авчрахад би уншаад савантай усанд хийдэг байлаа. Намайг сайн угааж байна гэж хүн бүхэн ярьдагсан...
Тэр үдшийг хүүхэн авчран хөгжилдөн өнгөрөөжээ. Дараа нь Хашимота Турк руу явж, Канда тагнуулын хэлтэст түүнийг орлон үлджээ. Тэгээд одоо хоёр жилийн дараа Хашимота Япондоо эргэж иржээ.
Тэр буцах замдаа Оросыг дайран, Москвад саатаж, элчин сайд Хиротатай аминчлан ярилцжээ.
Зөвлөлтийн нийслэлд суугаа Японы элчин сайд, түүнд даалгавар өгчээ. "ЗСБНХУ-ын харилцаанд хатуу бодлого баримтлах нь чухал гэдгийг жанжин штабт мэдэгдээрэй. Ямар ч үед дайнд бэлхэн байх хэрэгтэй. Гол зорилго коммунизмын эсрэг хориглоход биш, Дорнод Сибирийг эзлэн авахад оршино. Зөрөлдөөн гаргахад загас агнуурын гэрээний тухай ээлжит хэлэлцээрийг ашиглаж болохыг хэлээрэй. Хэрэв эдгээр хэлэлцээр дипломат харилцааг таслахад хүргэвэл Зөвлөлт Оросын харилцаанд манай баримталдаг амин чухал бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болно. Та миний хэлснийг ойлгов уу?".
Хашимота хажуугийн халааснаасаа тэмдэглэлийн жижиг дэвтэр гаргаж, ганц өөрөө ойлгох шифрээр элчин Хиротагийн даалгаврыг тэмдэглэв.
"Та надад их тус боллоо. Би ийм мэдээг Гадаад явдлын яамаар дамжуулж болохгүй байсан юм. Тэнд манай гол гогцоо асуудлыг ойлгодоггүй хүмүүс бас л байсаар байна. Би цэргийнхэнтэй ойр дотно байхыг илүүд үздэг. Харин одоо Кремльд хүлээн авалтад явах цаг боллоо. Би тэнд орос, японууд салж хагацашгүй хамгийн анд нөхөд мөн гэж оросуудыг ухуулах болно" хэмээн Хирота нэмж яриад инээд алдан, нарийн бичгийн даргаараа машин дуудуулжээ.
Москвад суугаа цэргийн атташе генерал Касахаратай яриа цааш үргэлжлэв. Касахара элчинтэй ярилцсан ярианд оролцсон ажээ. Түүний хэлснийг Хашимота мөн л дэвтэртээ тэмдэглэн авчээ.
"Одоо бидэнд туйлаас таатай нөхцөл бий болж, манай улс Алс Дорнодын асуудлыг шийдвэрлэх цаг болсон гэдэгт би итгэл төгс байна. Орос орон эдийн засгаа сэргээхийг оролдож, дайтах тэнхэлгүй байна. Бид дайтахгүйгээр санасандаа хүрэхийг ч хэн байг гэх вэ. Эс тэглээ гэхэд бидэнд алдах юмгүй. "Оролдохгүйгээр хожихгүй" гэсэн эртний зүйр үгээр амьдрах хэрэгтэй.

Тэр одоо энэ зүйр үгийг санаж, залуу офицеруудтай ярилцахдаа үүгээр яриагаа эхлэв. Тэр цамцныхаа захыг яран суугаагаараа ярьж, нарийн ган утас мэт хатуу, өтгөн хар үсээ хоёр гарын хуруугаар байн байн самнах ажээ. Өөрийнхний дунд биеэ барих явдалгүй гэдгийг аль байдгаар харуулахыг чармайж байв.
- Оролдохгүй бол хожихгүй. Би Наран улсыг зүглэн гучин хоног замд явахдаа манай Ямато орныг идэж, Кондогийн замаар замнахад маань саад болж байгаа либерализмээс хэрхэн ангижрах тухай тувт бодож явлаа. Би нэгэн төлөвлөгөө боловсруулснаа та бүгдтэй ярьж зөвлөмөөр байна.
Хүн амын хэт өсөлтийн аюулаас зайлах гурван боломж Япон улсад байна. Бидний өмнө гадаадад дүрвэн суух, дэлхийн зах зээлд орох, өөрийн газар нутгийг өргөсгөх-ийм гурван хаалга байгаагийн эхний хоёр нь бидний хувьд хаалттай тул Япон улс сүүлчийн нээлттэй хаалгаар орохыг яарах нь зүйн хэрэг бизээ. Япон улсын чөлөөтэй цэцэглэн хөгжиж болох газар нутаг манай умард, өмнөд, дорнод, өрнөдөд шаардагдаж байна. Хэрэв Ямато үндэстэн шинэ газар орныг эзэмших чадваргүй дорд муу байсан бол энэ тухай ярихын ч хэрэггүй. Гэвч бид ноёлон захирах үндэстэн мөний хувьд агуу их Дорнод Азийг удирдан жолоодох хүсэлтэй байна. Бид замдаа тээглэсэн бүхнийг зэвсгийн хүчээр зайлуулах болно...
Дараа нь офицерууд бие биенээс өрсөн агуу их Дорнод Азийг батлах замын анхны алхам нь Манжуур байх ёстой, өөрсдийн сүүдрээс айдаг парламентын либералуудыг тэсэж сууж болохгүй гэж ярьцгаалаа. Халуун яриа, уусан архи байдлыг хурцатгав.
Хэдийн бүрий болж, цаас наасан цонхоор амьгүй, сүүмгэр гэгээ тусав. Эзэгтэй лаа асаан авчирч өглөө. Лааны жигд бус, анивчих гэрэл хуйларсан тамхины утааг арай ядан нэвтлэн гийгүүлнэ. Цэргийнхэн улсыг захирах ёстой, парламент хэрэггүй... гэж нэгэн хүн хашгирсанд цөм түүнийг дэмжив. Жан Золинг алах үед саперчдыг даргалж явсан нөгөө Кавамота өвдөг дээрээ өндийн суугаад ярианд оролцлоо. Түүнийг армиас хөөсөн дүр үзүүлж, үнэн хэрэгтээ жанжин штабын академид оруулсан ажээ.
- Би сапёрчдыг удирдан, Манжуур руу дахин явахад бэлэн байна! гэж Кавамота хашгирлаа.
Окава Шүмэй бусдын ярихыг сонсон, ажиглаж, халууны хэмжээ буцлах цэгт хүрэхийг хүлээж суулаа. Сая тэр цэгт хүрэв бололтой.
- Кавамота сан, бид таны эр зоригийг үнэлж байна, гэхдээ эхлээд хаан ширээг тойрсон талбайг цэвэрлэж, засгийн газрын өмхөрсөн хожуулуудыг... суга татан хаях хэрэгтэй гэж тэр хэлэв.
- Зүйтэй, зүйтэй, бид Хамагүчигаас эхлэн суга татах болно!..
Дахиад Хашимота бусдаас бүтэн толгой илүү шовойж, ярианд оролцон
- Ба тантай санаа нийлж байна... Армийн дээд дарга нар яг ийм бодолтой байна. Хэрэв парламент эцэг өвгөдийн сургаалыг дагахгүй бол тийм парламент бидэнд хэрэггүй.. Японы гадаад бодлогод шийдвэртэй шинэчлэлт шаардагдаж байна. Хүчтэй нь л ялдаг шүү дээ... Самурайн ёсонд эзэн хаанд зүтгэх гэсэн сайн санааны зоримог үйлдлийг саар муу үйлд тооцож байсан удаагүй билээ. Энэ нь нэр төрийн тухай ойлголтод үл харшилна. Садаа болсон бүхэн зайлагтун! Самурайн тангараг-Бүшидо ингэж сургадаг. Үл зөвшөөрөгчид үүрд тонилцгоо! Какко Ичио!.. гээд сэлэм далайх мэт гараа толгой дээрээ өргөөд огцом буулгав.
Хөөрсөн офицерууд огло харайн босож сэлмээ сугалснаа, хуйнд нь хангинуулан буцаан хийв.
- Какко Ичио! Какко Ичио!.. Бүх дэлхий японы дээвэр дор! хэмээн Хашимотагийн үгэнд хөөрсөн офицерууд хашгиралдлаа.
- Нийгэмлэг байгуулцгаая!.. Шинэчлэлтийн нийгэмлэг!
- Нийгэмлэгээ Японы цэцгийн нэрээр "Шиватих" гэж нэрлэе!..
- Үгүй ээ, үгүй! "Сакүра-кай" гэе. Интоор цэцэглэх цагаар бид зорьсондоо хүрэх болно... Шиватих бол өнөөдрийн зүйл, гэтэл бид ирээдүйг харж байна... гэж хөнгөн хуумгай царайтай, жижигхэн, шалмаг биетэй ахмад Сагоя хашгирав.
- Сакүра-кай!.. Сакүра-кай!..
Энэ нэрэн дээр тогтож, нийгэмлэг энд цугларагчдаас буюу дэд хурандаагаас дээшгүй цолтой залуу офицеруудыг элсүүлж байхаар шийдвэрлэв. "Кинрютэй Ин" ресторанд цугларагсдын дунд цол насаар ахмад нь Хашимота байсан боловч, түүнийг онцлон үзэж, шинэ нийгэмлэгийн толгойлогч болгов. Залуу офицеруудын нийгэмлэгийн гол нуруу нь Манжуур, Монголыг эзлэх асуудал судалсан, Жанжин штабын академийн төгсөгчид байлаа. Түүнийг Манжуур, Монголын асуудал судлах "Сакүра-кай" нийгэмлэг хэмээн албан ёсоор нэрлэх болжээ.
Бүтэн хагас сарын дараа "Сакүра-кай" нийгэмлэгийн анхны цээрлүүлэлт японы ерөнхий сайд Хамагүчи дээр ногдож, ахмад Сагоя түүнийг хүндээр шархтуулсан билээ.
Гэвч энэ бол зөвхөн эхлэлт байлаа. Гучин нэгэн оны хавар гэхэд "Сакүра-кай" зуун таван залуу офицертой болжээ. Нийгэмлэгийн толгойд хуйвалдааны тэнгэр хэмээн нэрлэгдсэн Хашимота Кингоро үлдсэн бөгөөд Японд олон жилийн турш ямар нэгэн хэмжээгээр түүний оролцоогүй улс төрийн аллага, хорлон сүйтгэл, нууц явууллага байсангүй.
Залуу офицеруудын хөдөлгөөн японы жанжин штабыг тойрон цугларсан цэргийн удирдах зүтгэлтнүүдийн дэмжлэгийг оллоо. Дэмжлэгээр ч барахгүй, "Сакүра-кай" нийгэмлэгийг байгуулах санааг нигүүлсэнгүй эзэн хааны дараагаар японы бас нэг хоёр дахь хүн-жанжин штабын дарга гаргажээ. Түүнийг эзэн хаан томилох бөгөөд тэр ерөнхий сайдад ч үл захирагдана. Гэвч улс гүрний нэг дэх биш, хоёр дахь хүн шүү. Түүнээс гадна тэнгисийн цэргийн флотын штабын дарга, ерөнхий сайдыг эзэн хаан томилох тул тэд бас өөрсдийгөө эзэнт улсын хоёр дахь хүмүүст тооцох болов. Гэтэл цэргийнхэн буюу гүмбацү бие даасан үйл ажиллагаа явуулахыг туйлаас эрмэлзэж байв. Энэ үйл ажиллагаа нь Кондогийн хөдөлгөөнийг саатуулан зогсоож байгаа шийдмэг бус этгээдүүдийг засгийн газраас зайлуулах явдлаар эхлэх ёстой байв. Засгийн газрын толгойд цэргийн хүн гарвал бүр сайн. Улс орны удирдлагыг шинэчлэх үүргийг цэрэг, иргэний засаг захиргааны үйл ажиллагааг зохицуулагч цэргийн хэрэг эрхлэх товчооны дарга "ухаант Ко-исо" өөртөө хүлээлээ.
Манжуурын хэрэг явдал өрнөж байх үед нэр алдарт дуртай генерал Ки-исо тавин настай байлаа. Квантуны армийн штабт Манжуурыг цэрэглэн дагуулж, цаашид монголын тал нутаг, зөвлөлтийн Өвөр Байгалд орох төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах даалгавар өгсөн учир тэр штабаас хариу ирэхийг тэсэж ядан хүлээж байлаа. Энэ талаар Квантуны армийн штабын дарга, цөөн тооны хэдхэн хүний үзэх боломжтой, урьдын адил нууцлан шифрлэсэн мэдээ дамжуулжээ.
"Манжуурыг дагуулах дайны төлөвлөгөө бол үүний өмнө жанжин штабын нэгдүгээр хэлтэст илгээсэн Зөвлөлт Холбоот Улсын эсрэг японы цэргийн явуулах үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг мөн. Шаардсан төлөвлөгөөг боловсруулж дуусаж байгаа тул Дээд хэмжээнд чандлан нууцалж, даруй явуулах болно".
Тивд цэргийн ажиллагаа түргэн явуулахыг Мицүи, Мицүбиши, Сүмитомо. Ясүда хэмээх улс орны үндэсний баялгийн бараг тэн хагасыг эзэмшиж, нисэх онгоц, танк, усан цэргийн хөлөг онгоц, зэвсэг хэрэгслийн онц эрхт үйлдвэрлэлийг эрхэлдэг Японы үйлдвэрийн дөрвөн том эзэд сонирхож байлаа... Тэднийг Окава Шүмэй гэгч зузаан шилний цаанаас ертөнцийг хурц хар нүдээр ширтсэн хүн жанжин штабтай холбож зуучилна. Тэр Өмнөд-Манжуурын компани руу буцах замаа мартсан мэт Токиод цагийг өнгөрөөж, Хашимотагийн хамт манжуурын дайныг явуулах нууцгай ажил хийж байв.
Тэр хоёр заримдаа Ко-исогийн тасалгаанд орж, гурвуул ярилцана. Токиогийн газар хөдлөлтийн дараа тогтвор сайтай барьсан, цэргийн яамны байшингийн зузаан ханыг цонхны цаанах дуу шуугиан үл нэвтэлнэ. Цэргийн хэрэг эрхлэх товчооны даргын өрөөнд үүссэн нэг ч нууц мөн энэ ханыг нэвтлэн эндээс гарч үл чадна. Үрчгэр нүүр, жимбэгэр уруул, урт эрүүтэй генерал Ко-исо ганц ч цаасгүй, цэмбийтэл хураасан нүцгэн ширээний цаанаас Окава, Хашимота нарын ярихыг сонсон, зөвшөөрсний тэмдэг болгож толгой дохин, дуугүй суух бөгөөд энэ үед ард нь тавиур дээр байгаа, зогсоо зайгүй толгой дохидог хятад шаазан наадгайтай тун адилхан санагдана. Окава Шүмэй засгийн газрын танхимыг түлхэн унагах төлөвлөгөө хэлэлцэж байх үед наадгай, генерал хоёрын толгой бараг зэрэг дохилзохыг хараад уур нь хүрч, бодол санаа нь алдагдав. Ко-исогийн толгой үл хөдлөх цээжин биетэйгээ нугасаар холбогдсон мэт санагдаад ер болсонгүйд бүр сүүлдээ тэсэж чадалгүй дохилзуур наадгайг ч болтугай харахгүйг хичээн өөр сандалд шилжин суулаа.
- Уучлаарай, гэрэл нүдэн дээр тусаад байна. Би гэрэлд муу. Энд эвтэйхэн байна, үргэлжлүүлье... Жагсагчдын хувьд гурван зуугаад хоосон гранат хэрэгтэй. Харин хэдэн ширхэг нь жинхэнэ байх ёстой. Энэ бол Хашимота-саны санаа... Бид парламентын үүдэнд жагсаал хийнэ. Тэсрэлтээр дохио өгмөгц хуралдааны танхимд дайран орж, засгийн газрыг унагана. Шинэ танхимыг генерал Үгаки тэргүүлнэ.
Тэр үүнийг зөвшөөрөх болов уу?
- Тийм ээ, цэргийн яамны сайд зөвшөөрч байгаа гэж Ко-исо хэлэв. Генерал толгой дохихоо болиод - Танд өөр юу хэрэгтэй вэ? Хөрөнгө бий биз дээ? гэхэд
- Үүнийг би даана, харин бидэнд гүйцэтгэх хүмүүс хэрэгтэй байна гэж Окава хариуллаа.
Ко-исо том биет Хашимота руу эргэж,
- Та хэнийг авах санаатай байна? гэв.
- Юуны өмнө Доихараг. Түүнд туршлага бий... Тожиог зайлшгүй авна. Генерал Чэчэкаваг зөвлөгчөөр оролцуулахгүй бол болохгүй...
Ко-исо дахин толгой дохиод бодлогоширсноо, Хашимотагийн том нүүрэн дээр харц нь тогтож
- Зөвшөөрч байна. Сүүлийн хувилбарыг надад үзүүлээрэй. Мөргөлдөөнийг хэзээ хийхээр төлөвлөж байна? гэв.
- Парламентын чуулган гуравдугаар сарын хоринд эхэлнэ. Энэ өдөр хамгийн тохиромжтой.
- Зүйтэй, энэ бол хамгийн тохиромжтой өдөр. Бид Манжуур руу шийдмэг хөдлөхийн өмнө хүчтэй засгийн газартай болох хэрэгтэй... гээд Ко-исо гүн үрчлээнд идэгдсэн уруулаа жимийлээ.

Окава, Хашимота нарын төлөвлөгөө ёсоор парламентын өмнө жагсаал хийх үеэр эмх замбараагүй байдал бий болгож, хэрэг явдалд армийн зүгээс оролцох шалтаг гаргах бөгөөд дараа нь Токиод онцгой байдал зарлаж, цэргийн яамны сайд Үгаки улс оронд болон нийслэл хотод эмх журам сэргээн тогтоох зорилгоор засгийн бүх эрх мэдлийг гартаа авна.
Хашимота Кингоро хамаг авьяас чадлаа дайчлан ажиллав. Засгийн газрыг огцрохыг шаардаж хашгиран, цугларагсдыг бужигнуулан үймэлдүүлэх үүрэгтэй бүдүүн хоолойтнуудад төлөх мөнгийг Окава гаргалаа.
Хашимота цэргийн бэлтгэлийн газраас хэдэн хайрцаг сургуулийн гранат авч "Сакүра-кай" нийгэмлэгийн нэгэн гишүүний гэрт нуулаа. Сургуулийн гранатан дунд хээрийн сургуульд хэрэглэхээр авсан бололтой, хэдэн ширхэг жинхэнэ байлдааны гранат байлаа. Хашимота энэ талаар "Бүх юм зүй ёсоороо харагдахын тулд бага ч атугай цус гарах ёстой..." гэж ярьжээ.
Цэргийн эргэлт хийх гуравдугаар сарын хорины өдөр дөхөж байтал, товлосон өдрөөс хэдхэн хоногийн өмнө "ухаалаг Ко-исо" Хашимотаг дуудаж, цэргийн сайд Үгаки эргэлтийг толгойлохгүй гэсэн учир жанжин штабын заавраар мөргөлдөөний хугацаа өөрчлөгдсөнийг анхааруулав. Гэтэл хэрэг явдал зөвхөн цэргийн яамны сайдын туйлбаргүйгээс болсон биш ажээ. Ко-исо өөрөө засгийн газрын танхимд орсон бөгөөд Хамагүчийг өдөр хоногоо хүлээж буйг мэдэж байлаа.
Шинэ ерөнхий сайдыг арай шийдмэг бодлого явуулах болов уу гэж хүлээж болох байв.
Ко-исо, дэд хурандаа Хашимотагийн авсан гранатыг агуулахад буцааж тушаахыг даалгав.
Тэр үдэш уурлаж бухимдсан хуйвалдагч Окава, Хашимота хоёр "Кинрютей Ин" ресторанд уулзав. Тэдэнтэй гуниггүй Доихара Кэнжи хамтарч, цөмөөр болж буй нөхцөл байдлыг хэлэлцэн уулаа. Доихара хөмсгөө өргөж, нойрмог царайлж, уйтгартай өнгөөр хэлсэн нь:
- Гуньж гудайсны хэрэггүй. Үйл явдал хэвийн байна. Нэг мөргөлдөөн болоогүй өнгөрөхөд нөгөө нь болно... Таны хувьд мөргөлдөөн хангалттай. Мүгдэнд юу болохыг харж байгаарай...
Хурандаа Доихара нөгөө хоёроосоо илүү их юм дуулсан ажээ.
Тэр удалгүй Токиогоос алга болоод зуны дундуур эргэж ирлээ. Доихара Мүгдэн рүү сэм явж, Жан Сюэлянтай найз нөхөр, эцгийнх нь зөвлөхийн эрх хэмжээнд хэлэлцээ хийжээ. Тэр Жан Сюэлянд Хятадаас тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлаж, шинэ гүрний хэмжээгүй эрхт эзэн хаан болохыг ятгаж, их хэмжээний цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг амласан боловч, цаадхи нь ахиж, бүх Хятадын эзэн хаан болохыг санаархан зөржээ. Хятадын дотоодын олон жилийн хагарал ийм бололцоог бий болгожээ.
Доихара үр дүнгүй эргэж ирэв.
- Тэгвэл хүчээр хөдлөх болно. Бид Манжуурт өөр хаан олно. Хүүхэд байхдаа хятадын хаан ширээнд байсан Генри Пу И-гийн талаар бодох хэрэгтэй... гэж Итагаки түүнд хэлэв.
Долдугаар сард жанжин штабын хоёрдугаар хэлтсийн ажилтан, хурандаа Доихара Кэнжи манжуурын мөргөлдөөний нууц төлөвлөгөөг Токиод авчирлаа. Түүнд Квантуны армийн штабын дарга генерал Мияги, хурандаа Итагаки нараас гадна Квантуны армийн шинэ командлагч дэслэгч генерал Хонжио гарын үсгээ зуржээ.
Жил ирэх тутам жанжин штабын япон нэр Самбү хомбү төвдийн далай лам лугаа адил жанжин штабын даргын хам нэр болон хувирав. Пап Пием дэс дугаарын тоо нэмүүлэн католик сүм хийдийн тэргүүн болсон Ватикантай бараг адилхан ч Самбү хомбын дарга нарын албан тушаал Ватиканых шиг насан үүрдийнх биш бөгөөд байдлаас хамаарч өөрчлөгдсөөр боловч Самбү хомбүгийн нэр түүний бодлогын нэгэн адил үл хувирна.
Мүгдэнгийн будлианы өмнө Самбү хомбү хэмээх нэрийн дор дэслэгч генерал Каная гарч ирэв. Намар Самбү хомбү Мүгдэнгийн будлианы төлөвлөгөөг баталж, урьдчилан анхааруулж, сэрэмжилсэн "Киокү мицү!" гэсэн үгтэй нэрийн тамгаа дарлаа.
Дайны бурхныг тахигч Самбү хомбү ёслолыг төгсгөж, адис хүртээхийн өмнө өөрийн шавь дайны тэргүүн лам нарыг цуглуулав. Энд мэргэн ухаант Ко-исо, эзэнт улсын тагнуулын дарга генерал Чэчэкава, жанжин штабын шуурхай хэлтсийн дарга Тожио, хилийн чанадахь дайны ажиллагааг төлөөлөгч, Квантуны армийн командлагч, генерал Хонжио, хурандаа Доихара зэрэг хүмүүс иржээ.
Тэд шатрын хөлөг дээр мэт болох тоглоомд оролцох хүмүүсийг хуваарилж тодорхой ярилцлаа. Умард Манжуурт японы тагнуулч ахмад Накамүраг алсан тухай Доихара мэдээлэв. Тэд агрономийн дүрээр монголын хил рүү явсан ажээ. Жан Сюэлянгийн сөрөх тагнуулууд алснаас зайлсангүй. Ахмад Накамүрагийн хүүрийг хятадууд шатаасныг дөнгөж хоёр сарын хожим мэджээ. Накамүрагийн үхлийг мөрдөн судлах нь будлиан гаргах шалтаг болж магадгүй гэж хурандаа Доихара хэлэв.
Хурандаагийн саналыг зөвшөөрсөн боловч, үүнийг нөөцөнд үлдээхээр шийдэцгээв. Доихара ахмад Накамүрагийн алагдсан шалтгааныг судлахаар Мүгдэн рүү явах хэрэгтэй. Цаашид яах асуудал тодорхой болно...
Будлиан гаргахад шаардлагатай хүнд зэвсгийг нэн даруй явуулахыг Самбү хомбу тушаав.
Бүхнийг төлөвлөгөөний дагуу хуваарилав. Хятадын хуаранд довтлох үед туршлагатай дэд хурандаа Кавамота суман командалж, дэслэгч генерал Хонжио Порт-Артур руу яаралтай очно. Солонгос дахь японы цэргийг дайны байдалд бэлэн байлгана.
Мүгдэнийн ойролцоох Фушун дахь цэргийн ангиудыг төмөр замын цуваанд түрүүлж ачих хэрэгтэй. Ямар нэг шалтгаанаар мөргөлдөөнийг хойшлуулбал цэргүүд вагон дотор сууж байг.
Самбү хомбү Манжуурын мөргөлдөөн нь Квантуны армийг зөвлөлтийн хилд хүргэх болно гэсэн үгээр бүгдийг үдлээ. Чухам үүнд л болох гэж буй хэрэг явдлын стратегийн санаа оршиж байв. Одоо аятай шалтаг гарахыг хүлээх л үлдлээ. Итагаки шалтаг олох болно, түүнийг "мүгдэнгийн мөргөлдөөний асаах шижим" хэмээн нэрлэсэн нь дэмий хэрэг биш...
Бүх зүйл бэлэн болсон шиг байтал хэрэг явдал эхлэхийн өмнөхөн Токиогоос Мүгдэн рүү жанжин штабын бас нэг ажилтныг илгээх хэрэг гарчээ. Талийгаач ерөнхий сайдыг орлож байсан, гадаад явдлын яамны сайд Шидэхара цэргийнхний бие даасан үйл ажиллагааг мэдэж амжсанд цэргийн учир байв. Тэр жанжин штабаас тайлбарлахыг шаардав. Шидэхара ерөнхий сайдын нэгэн адил тивд идэвхтэй үйл ажиллагаа эхлэхийг цаг нь болоогүй зүйл гэж үзэж байлаа. Тэр нь төлөвлөсөн мөргөлдөөнийг хойшлуулсан тухай тушаалын хамт жанжин штабын бие төлөөлөгчийг Манжуур руу нэн даруй явуулахыг хатуу шаардлаа.
Яах вэ? Заль гаргах хэрэгтэй!...
Жанжин штабын дарга засгийн газрын танхимын тэргүүний үгийг зөвшөөрөв. Манжуур руу генерал Чэчэкава явна. Захидлыг аль түрүүн биччихсэн.
Чэчэкаваг явахынхаа өмнө уулзахаар ирэхэд, Самбү хомбү хэлсэн нь:
- Чэчэкава-сан, энэ захидлыг командлагчид өгсний хэрэггүй... Хэрэггүй гэдгийг дахин хэлье... Замдаа үрэгдүүлэх хэрэгтэй. Гэвч Хонжио захидлын агуулгыг мэдэж, эзэн хаанаас мөргөлдөөнийг зогсоох тухай шийдвэр гардаг юмаа ч гэсэн хэрэг явдлын хариуцлагыг биедээ хүлээх хэрэгтэй. Би таныг мөргөлдөөнийг өөрчлөх даалгавартай явуулсан ч би өөрөө ингэж өөрчлөхийн эсрэг байгаа гэдгийг түүнд үгийн далимаар хэлээрэй... Мүгдэнд цагаас хоцрохгүй, цагаас эртдэхгүй очоорой. Итагаки таныг угтана...
Жанжин штабын тагнуулын хэлтсийн дарга, генерал Чэчэкава ийм орооцолдсон түвэгтэй, нэг нь нөгөөтэйгээ харшилсан заавар авч, гучин нэгэн оны есдүгээр сарын дундуур Манжуур орохоор мордлоо.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 5:59 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ФРАНКФУРТААС ИРСЭН ДОКТОР ЗОРГЕ

Мүгдэнгийн хэрэг явдлаас бүтэн хагас жилийн өмнө сэтгүүлч Жонсон Хятадад иржээ. Александр Жонсон. Юутай ч гэсэн, тэр цаг ямагт америкийн сонинд илгээж байдаг өгүүлэлдээ ийнхүү нэрээ тавина. Мөн түүнчлэн германы эдийн засгийн сонин, тусгай сэтгүүлүүдэд сурвалжилга бичих боловч, Хятадын банкны үйл ажиллагаа, векселийн эрхийг голлон судална. Хумүүсийн ярилцахыг сонсвол түүний эцэг нэлээд сүрхий инженер байсан бөгөөд нефтийн үйлдвэрт нийлүүлэгчээр ажиллаж байгаад дараа нь Берлинд нэгэн жижиг банкны дарга болжээ. Хүү нь эцгийн замаар замнаж, биеэ санхүү эдийн засгийн харилцааны ажилд бэлтгэх нь ерөөсөө зүйн хэрэг. Тэр нь энэ зорилгоор Алс Дорнодод ирсэн ажээ.
Найз нөхөд нь Жонсонг Ики гэж дуудах боловч, жинхэнэ нэр нь Рихард ажээ. Нэрийн хуудас дээр "Рихард Зорге-нийгмийн ухааны доктор, Майн дахь Франкфурт, Герман улс" гэж бичсэн байна.
Тэр нэлээд өндөр, гоолиг нуруутай, цэвэрхэн сайхан хувцаслаж явах бөгөөд өнгөрсөн дайнд хүнд шархадсаны улмаас ялимгүй доголох боловч, үүнээс болж түүний тамирчны чийрэг биеийн хэлбэр төрх үл алдагдана. Докторын том царайг, үе үе бараг хөх өнгөтэй болдог анхааралтай ширтсэн хөх цэнхэр нүд хөгжөөнтэй болгож өгнө. Ялимгүй өргөсөн өтгөн хөмсөг нь эртний хятадын сийлбэрт дүрсэлсэн байдаг Дорно зүгийн дайчин эрийн төрхийг бий болгоно. Өөрийн гучин таван наснаас нэлээд оворжуу харагдах агаад, өргөн уужим магнайд нь гүн үрчлээс гарчээ. Доктор Зорге буюу Александр Жонсоны гадаад төрхийг түүний өтгөн хар хүрэн үс, зоримог байрын эрүү нь гүйцэд тодотгож өгнө.
Зорге хэдэн хоног Бзэжинд саатаад, галт тэргээр Шанхайд ирэв. Замд дайран өнгөрсөн цасан Сибирьт хахир хатуу хүйтэн байхад Шанхайд халуун салхитай, ногоон цэцэрлэгт хүрээлэн угтав. Хавар ойртож байлаа.
Эхлээд Зорге Шанхайн төв дунд, Нанжин-род дахь нэгэн буудалд буув. Өрөөний цонх нь үүрээс, гүн шөнө болтол ажилчид бужигнан байдаг өргөн цэлгэр Шар мөрөн рүү харсан ажээ. Хар тамхи наймаалж, дайсагналцсан хятад генералуудад зэвсэг худалдаж баяжаад, цаг цөвүүн болоход олсон хөрөнгөө арай найдвартай үйлдвэрт оруулахыг илүүд үзсэн, хилийн наймаачин агсан Сашэн энэ буудлын эзэн ажээ.
Буудлын дэргэд, үүдэндээ хүрэл арслангуудтай олон давхар Английн банк байна. Нийгмийн ухааны залуу доктор энэ банкнаас шинжилгээ судалгааны ажлаа эхлэх хэрэгтэй байлаа.
Зорге эхлээд германы консулд очлоо. Гадаадын хүн бүр өөрийн консулд очиж бүртгүүлдэг ёстой. Бүдүүн Борх докторыг гар алдлан тэвэрч угтлаа. Рихардын өгсөн дагавар захидал консулд бараг хууль байлаа.
Захидлыг "ИГ Фарбениндустри" хэмээх асар том концерний дэргэд байгуулсан, германы химийн нийгэмлэгийн дарга бичиж, өөрийн орны химийн барааг борлуулахад хятадын зах зээлийн багтаамж ямар байгааг сонирхоод, доктор Зоргед албан үүргээ гүйцэтгэхэд нь зүйл бүрийн туслалцаа үзүүлж байхыг консулаас гуйжээ.
Консул захидлыг буцааж дугтуйлаад, тааламжтай сайхнаар инээмсэглэн. "Ийм сүрхий даалгавартай ирснийг үзэхэд сүрхий толгойтой залуу байх нь!" гэж бодов.
- Хүндэт доктор таныг аяга кофе уухыг урья!
- Дуртайяа зөвшөөрье.
Зорге Германы талаар, өөрийн төлөвлөгөөний талаар удаан ярилаа.
- Ноён консул аа, миний сэтгүүлчийн туршлага бага ч гэсэн надад хэрэг болно гэдэгт найдаж байна. Миний гол сонирхож байгаа зүйл бол Хятадын банкны систем, векселийн эрхийг судлах явдал. Би бүр эдийн засгийн дээд сургуульд байхдаа судалж эхэлсэн юм. Эцэг минь, намайг эдийн засагч болгохыг мөрөөдөж байв... Улсын тарифын тухай зохиолоороо би докторын зэрэг хамгаалсан. Тэгээд ч би сэтгүүлчийн ажлаас эдийн засгийг илүү мэддэг юм. Би дорнодын асуудал судлах герман, хятадын нийгэмлэгийн гэрээ ёсоор Шанхайд хоёр жилийн хугацаатай ирлээ. Энэ хоёр жилийг би таны туслалцаатайгаар үргүй өнгөрөөхгүй гэдэгт итгэж байна... За тэгээд химийн нэгдлийн даалгаврыг биелүүлэх явдал миний хувьд их нэр төртэй гэж үзэж байна.
Ерөнхий консул навчин тамхиа сорж, залуу докторын яриаг сонсов. Залуу доктор түүнд улам бүр аятайхан санагдав. Түүний даруу зан, тогтуун дөлгөөн, хүндэтгэл дүүрэн байдал сайхан сэтгэгдэл үлдээжээ.
Ноён Борх анх удаагаа Хятадад ирж, тус дэм гарцаагүй шаардагдаж буй энэ аятайхан, нийцэрхүү германыг өөрийн ивгээлд дуртай авлаа. Тэгээд ч тэр бас Германд ийм сүрхий холбоотой... Бүдүүн Борх банкны шинжилгээ судалгааны ажлыг сурвалжлагчийн ажилтай хавсрах гэсэн докторын санааг дэмжив. Сурвалжлагчийн ажил улс орноор хэрэн явах бололцоог ноён Зоргед олгох байв. Насны залууд явахгүй бол хэзээ явах вэ дээ!
Консул Борх юуны өмнө докторыг Нанжинд очиж, Чан Кайшийн армийн цэргийн зөвлөхүүдтэй танилцахыг шаргуу санал болгов. Тэд улс орноор дуртай зүгтээ чөлөөтэй явах боломжтой ажээ.
- Залуу найз минь, та юуны өмнө сайн холбоо тогтоох хэрэгтэй. Үүн дээр л дэлхий, албан тушаал хоёр тогтож байдаг юм гээд Борх Рихардын мөрөөр эцгийн ёсоор тэврэн - Аан гэж бай! Нанжинд сайн хувцсаа өмсөж очоорой. Тэндхийнхэн сайн хувцсыг хүндэлдэг юм. Нэмж хэлэхэд, хэрэв Чан Кайшитэй уулзвал туйлаас хянуур байгаарай. Энэ бол түүнийг татах шилдэг арга гэж захив.
Зорге удалгүй бололцоо олдмогц, гоминданы Хятадын нийслэл Нанжин орохоор галт тэргээр гарлаа. Тэнд Германы цэргийн зөвлөхүүдийн штаб байрлаж байлаа.
Бүгчимхэн, термометр хорин таван градусаас дээш зааж байлаа. Рихард зочид буудалд удаж сааталгүй, штабт очихоор явлаа. Цонхон талдаа саарал чулуун гоёмсог сайхан цэцгийн сав, Хятад гүүр, хиймэл цөөрөм, агуйтай цэмцгэр сайхан цэцэрлэгтэй, мансард бүхий хоёр давхар уудам цэлгэр лавиранд штаб байрлажээ. Рихард дээш гарч, хүлээн авах өрөөнд ороод, үйлчлэгч хятадын хэл хүргэхийг хүлээлгүй эрчүүлийн дуу шуугиан гарч буй асар руу очлоо. Офицерууд гадуур цамцаа сүлжмэл сандлын түшлэгт тохоод, дан цамцтай сууж байв. Дээврээс унжсан цахилгаан сэнс эргэлдэн салхилавч, бүгчим халуунаас аварч үл чадна.
- Ноёдоо, Берлингийн мэндчилгээг та нарт дамжуулъя! Надад уух юм эндээс олдох болов уу?!.. хэмээн үүдэнд зогсон гараа өргөж хашгирав.
Хагас цагийн дараа Рихард пиджакаа тайлан, асрын тал бүрээс сандлаа дөхүүлэн хүрээлсэн офицеруудын дунд сууж байлаа. Тэр хэдийн бүх зөвлөхүүдтэй танилцаж, үгийн далимд, дэлхийн дайнд өөрөө Вердиний дэргэд шороо хөдөлгөж, нохой бөөсний хоол болж, элгээрээ мөлхөж явснаа ярилаа. Хориод герман офицерын дунд Өрнөдөд дайтаж явсан хүн байлгүй яах вэ дээ.
- Энд тэндээс "Санаж байна уу?..", "Мэдэх ёстой!.." гэсэн үгс хөвөрлөө. Захан дээрээ техникийн цэргийн таних тэмдэгтэй нэгэн ахмад Зорге рүү зүтгэн ирэв.
- Чи бид хоёр хамт байсан байна шүү дээ. Эвдэрхий тээрэм байсныг санаж байна уу? Тэнд чинь, манай техникийн суман байсан...
- Саналгүй яахав! Нөгөө өөдгүй Морт-ом өндөрлөгийн яг эсрэг талд байсан шүү дээ. Би тэр тээрэм дээр хэчнээн ч очив доо!..
Ахмад Меленхоф тэврэн авч үнсэв. Авч чадаагүй өндөрлөгийн төлөө, цэргийн нөхөрлөлийн төлөө ууцгаалаа. Зөвлөхүүд Зоргег өөрсдийн наргиандаа авлаа. Энэ доголон залуу бас дайны амт үзсэн байх нь! Тэр дайнд сайн дураар явсан бөгөөд халаасанд нь Гинденбургээс авсан Төмөр загалмай байлаа...
Рихард Нанжинд хятадын гуанзаар гуйван хэсэж, хижим загасны мөгөөрс мэт зөөлөн улцгар халуун зүйл, хулсны нахиа, далайн байцаа, шохойнд удаж харласан өндөг зэрэг долоон жорын юмнаас амсан, үмхий үнэрт ханшин ч ууж хэд хонолоо... Герман зөвлөхүүд санаанд орсон бүгдийг буюу хятад үндэсний хоол, дайны тухай хятадын арми, түүний зэвсгийн тухай цэргийн сурлага, чадварын тухай, англи америкуудын далд явууллагын тухай ярив. Хурандаа Крибель Рихардыг Чан Кайшийн баруун гар, цэргийн яамны сайд Хо Инциитэй танилцууллаа. Нэгэн хорооны Меленхоф Зоргег Кантон руу хамт явъя гэв. Тэндээс тэд Сувдан мөрнийг өгсөн хөвөх ажээ. Тэндхийн сайхныг яана! Зорге зүүдэндээ ч үзээгүй зүйлээ үзэх болно! Нисэгч Блендхорн, Леман хоёр Атлантын далайг анх түрүүн нисэж туулсан америкийн Чарльз Линдбергтэй түүнийг танилцуулна гэж амлав. Одоо Линдберг хурандаа цолтой бөгөөд Хятадад бас ажиллаж байгаа ажээ.
Нанжинд очсон явдал Рихардад тун их юм өглөө. Одоо германы штабт гэртээ ирэх мэт ирдэг боллоо. Удалгүй шинэ нөхөд нь түүнийг нүцгэн хүрэн толгойтой, өндөр туранхай Чан Кайшитай, Гадаад Явдлын яамны сайд Вантай танилцуулав. Чан Кайши даруй дуртай сэдэвтээ орж, хятадын Улаан армийн эсрэг шинэ аян дайнд бэлтгэж байгаагаа ихэд дэлгэрэнгүй ярьж гарлаа. Одоо тэр улаантныг лавтайяа ниргэх ажээ! Германы зөвлөхүүд толгой дохилон гоминданы Хятадын тэргүүнтэй санал нийлэв.
Рихард Зорге Шанхайд ганцаар ирсэнгүй. Яг тэр үеэр, гэхдээ өөр замаар Москвагаас, тагнуулын удирдах газрын ажилтан ирэв. Рихард тоглоомоор түүнийг багш хэмээн нэрлэжээ. Тэр ажил хэргийг чиглүүлэн өгч, хэрэгтэй хүмүүстэй холбоо барьж, Владивосток Хабаровсктай радио холбоогоор хангалаа.
Тэд хагас жил хиртэй хамтран ажилласан бөгөөд багш энэ бүх хугацаанд нууц байлаа. Энэ бол намхандуу нуруутай, хар үстэй, гонзгой бор царайтай, хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, хэзээ ч гэнэдэхгүй, гуньж гутрахыг мэддэггүй хүн. Хэзээ ямагт хөгжилтэй нийцэрхүү явдаг энэ хүн буурьтай суурьтай, хянуур нямбай байж чадахаас гадна ямар нэгэн долоо дахь сэрэхүйгээрээ тулгарсан аюулыг мэдэрч, зайлж чадна. Тагнуулын удирдах газраас "хөвгүүнийг сургаж" эхний үед туслуулахаар түүнийг зориуд Хятадад явуулжээ.
Рихардыг Нанжингаас буцаж ирээд, хэрхэн явснаа ярихад багшийн сэтгэл хөгжив. Сурагч нь авьяастай ажээ. Тэр Москвад буцахдаа төмөр замын өртөө рүү явахынхаа өмнө нууц байранд Рихардаар үдүүлэн гар барьж хэлсэн нь:
- Өвгөнд чамайг сэтгэл цэвэр мэдэгдэнэ. Чи ажиллаж чадна! Баяртай, болгоомжтой байгаарай...
Тэр цагаас хойш Рихард Зорге бие даан ажиллав.
Тэр олон жилийн хойно Хятадад байсан тухайгаа бичсэн нь:
"Бид хүн амын ямар давхарга, анги нанжингийн дэглэмийг идэвхтэй дэмжиж буйг, засгийн газрын нийгмийн сууринд гарч буй өөрчлөлтийн бодит шинж төрхийг тогтоохыг чармайж байлаа... Бид засгийн газарт байгаа цэргийн хүчний тухай, германы зөвлөхүүдийн удирдлагаар явагдаж буй өөрчлөлтийн тухай мэдээ цуглуулж байснаас гадна дээд командлалын дарга нарын өөрчлөлт, мөн түүнчлэн армийн анги, бэхлэлтийн зэвсэг техникийн шинэчлэлтийг анхааралтай ажиглаж байлаа... Бид аажим аажмаар "Чан Кайшийн дивиз" хэмээн нэрлэгддэг, хамгийн орчин үеийн техникээр зэвсэглэсэн, нанжингийн засгийн газарт үнэнч дивизүүд болон найдахад эргэлзээтэй дивизүүдийн талаар бүрэн гүйцэд мэдээлэл хуримтлуулав. Би ийм мэдээг хэдийгээр нэлээд чухал тоо баримтыг германы цэргийн зөвлөхүүд болон зэвсэг нийлүүлэгчдээс биечлэн авдаг байсан боловч, гол төлөв миний бүлтийн хятад гишүүдээр дамжуулан цуглуулдаг байлаа...
Үүнээс гадна би нанжингийн засгийн газрын гадаад бодлогын тухай мэдээ цуглуулж, Англи, Америкийн Нэгдсэн Улсаас бүрэн хамаардгийг нь мэдсэн юм... АНУ ирээдүйд Номхон далайг ноёрхож буй Их Британы орыг эзлэх нь надад тодорхой болсон бөгөөд би тэр үед үүний шинж тэмдгийг илрүүлсэн билээ".
Зоргег Шанхайд ирэхээс хэдэн сарын өмнө нууц бүлгийн бас нэгэн гишүүн, радио холбоочин Макс Клаузен Хятадад иржээ. Рихард Москвад Макс Клаузентэй уулзаж байгаагүй тул түүнийг танихгүй ажээ. Гэвч багш нь түүний тухай тодорхой ярьж Клаузен германы худалдааны хөлөг онгоцны холбоочин болохоосоо өмнө Гамбургт далайчин, дэлхийн дайнд цэрэг, дархан, техникч зэрэг арваад янзын ажил мэргэжил сольжээ. Дараа нь ажил хаялтад оролцож, далайчдын үйлдвэрчний эвлэлийг байгуулан, "Зөвлөлт оросоос савраа тат!" хэмээх нийгэмлэгт ажиллаж байлаа. Энэ бол лорд Керзон залуу Зөвлөлт улсад тулган шаардах бичиг өгч дайнаар сүрдүүлж байсан хориод оны үес.
Клаузен анх дарвуулт онгоцоор Мурманскт ачаа хүргэж Зөвлөлт Орост иржээ. Дараа нь өөр онгоцоор Ленинградад ирсэн ажээ. Хорин таван настай залуу эр зөвлөлтийн орныг хайрлан үзэж, шударга шулууны билэг тэмдэг болсон Ленин, түүний орныг сэтгэл хөдлөн мөрөөдөх болжээ.
Зөвлөлт Орос улс зүсэн зүйлийн дайснаас салж шинэ амьдрал байгуулж эхэлтэл техникийн туршлага, мэдлэгтэй хүмүүсээр дутагдаж Зөвлөлт засгийн газар туслахыг уриалав. Хөрөнгөтөн орнуудаас хэдэн зуу, мянган инженер, зөвлөх, техникчид, мэргэжилтэй ажилчид явлаа. Тэднийг "гадаадын мэргэжилтэн" гэж нэрлэв. Тэдний дотор элдэв янзын улс байсан бөгөөд зарим нь Клондайкт очих гэж байгаа мэт Оросыг алтны орд газартай ядуу хоосон улсад тооцон явж, мөнгийг хүрзээр хаман авлаа. Оросууд дайнд эвдэрч сүйдсэн аж ахуйгаа хурдан сэргээлгэх гэж тэдэнд мөнгө өгчээ. Гэтэл бас өөр мэргэжилтнүүд, Зөвлөлт Оросыг өөрийн эх орноо болгон үзэж, түүнийг хамгаалж, бүтээн байгуулахад бэлхэн ажилчид, пролетаричууд байлаа. Гамбургийн далайчин Макс Клаузен тийм хүн байв. Эхлээд тэр Днеприйн барилга дээр ажиллалаа. Социализмын оронд барьж байгуулах явдал хэрэгтэй ч Клаузен үүнийг чамлаж, энэ орныг хамгаалан бөөцийлөх хэрэгтэйг ойлгожээ. Энэ үед Зөвлөлт Оросыг дахин дайны аюулын хар үүл бүрхсэн байв. Радиочин социализмын орныг хамгаалахаар үл үзэгдэх тэмцлийн тэргүүн шугам руу явж, аюултай хүнд нууц ажил хүлээж байгаа Хятадад ийн ирсэн ажээ.
Зорге хамтран ажиллах гэж байгаа Гамбургийн далайчны талаар ийм зүйлийг мэдэж байлаа. Рихардыг ирэхэд Клаузен Шанхайд байсангүй. Радиочин Хятад-Дорнодын төмөр зам дээр Жан Сюэлянгийн цагаан хятадын цэрэг, зөвлөлтийн Алс Дорнодын армийн цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гараад байсан Манжуур руу явж, үйл явдалд, фронтод ойрхон байхын тул тэнд хэдэн сар суужээ.
Клаузен төмөр замын өртөөнд ойрхон орших зочид буудлаас мэдээгээ Хабаровскт дамжуулж байлаа. Тэр цонхоор, зөвлөлтийн хил рүү явж буй галт тэрэг, цэргийн цувааг хардаг байв.
Хятад-Дорнодын төмөр замын байдал хэвийн болсон хойно Клаузен Шанхайд буцаж ирлээ.
Зорге өөрийн радиочин богино долгиончийн ирснийг маргааш өдөр нь мэдсэн боловч Клаузенг Манжуураас "сүүлтэй" ирсэн биш биз хэмээн шалгаж, түүнтэй уулзалгүй хэдэн долоо хоног хүлээв.
Тэр үед Шанхайд байсан гадаадын хүн бүр ямар нэгэн үйлчилгээний ажил эрхэлдэг байсанд Макс Клаузен жижигхэн гарааш бүхий засварын газар нээн ажиллуулж, гол төлөв цахилгааны ажил эрхлэв. Тэр, Шанхайн зүүн зах, Гонкюд найз Виллийн олсон байранд шилжин суулаа.
Найз нөхөд завтай үдшийн цагаар "Косей" ресторанд сууж, пиво уун, үүх түүхээ ярилцах бөгөөд гол нь уулзалтын дохио ирэхийг хүлээж байлаа. Нэгэн удаа, Вилли гэнэт яриагаа таслан ширээнээс босож гарав. Явуут уруулаа арчаад
- Сууж бай, би одоо ирнэ... гэв.
Тэр хэдэн минутын дараа ирлээ.
- За тэр шүү, сая л нэг юм... Нөгөөдөр үдэш энд уулзацгаая. Рихард ирнэ..
Товлосон өдөр тэр хоёр бас л ширээний ард сууж байтал удалгүй Зорге орж ирлээ. Тэр танхимын дунд зогсон, сул суудал хайтал өөрийн танил Виллийг харав. Вилли сандал дөхүүлж, Рихардыг Макстай танилцуулав.
- Бид нэг нутгийн улс. Та ч бас Гамбургт байсан байх аа... гэж Вилли хэлэв.
- Байлгүй яах вэ! Гамбургт байгаагүй герман хүн байхгүй биз.
Клаузен ширээнээс босож, ширүүн барвагар гараа Зоргед өглөө. Рихардын өмнө гучин насандаа яльгүй таргалж яваа, бааздуу царайтай, ханхар том цээжтэй хүн зогсож байлаа.
Хоол зөөгчийн авчирч өгсөн хөзөр тоглож, пиво аажимхан балгаж, удтал сууцгаав. Клаузен хожиж, нөгөө хоёрыгоо цаашлуулахын завсар Харбинд очоод ирсэн тухайгаа ярилаа.
- Ийнхүү бүтэн сарын турш аккумлятор дээр унтлаа... Трансформатор байсангүй.
- Нээрэн трансформатор дээр унтах нь хавьгүй дээр шүү гэж Рихард үнэнээс санал нийлэв.
Цөм хөхрөлдөв.
- Чи аан гэж бай... Зай бүрд дөчин таван вольт, бүгд таван зуун вольтын хүчдэл байх ёстой байв. Би бүгдийг өөрөө хийсэн. Арван нэгэн ширхэг хэрэгтэй, хэрэв гурав гурваар бол гээд Клаузен арван нэгэн хөзөр зэрэгцүүлж тавиад - Ширээн дээр багтахгүй байна. Энэ бол хөзөр шүү дээ, тэгвэл зай нэг бүр гучин сантиметр... Орон доогуураа байлгаж байлаа. Хүчил ууршаад, өглөө тугалган толгойтой босож ирнэ. Удаахан шиг гарч болохгүй, орон доогуураас олчихвол сүйрэх нь тэр. Тэр ч байтугай цэвэрлэгчийг оруулалгүй, өрөөгөө өөрөө цэвэрлэж байлаа.
- Ариун үйлс үйлдэх нь бас ч муугүй хэрэг гэж Вилли тоглоом хийв.
Клаузен үйлчлэгчийг ирэхэд хөзөр хаман авч, хольж эхлэв.
- За тэгээд дахиад хөзөргүй үлдэв үү?... Хожих юмсан гэж бодож байна уу?
Нөхдөөрөө гадаа үдүүлэхдээ Рихард Клаузенд
- Виллигээр дамжуулан заавар авч байгаарай... Одоо хурдхан дамжуулагч хийх нь чухал байна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Висбадентай холбоо барь. Дуудлагын дохиотой юу? гэж хэлэв.
- Бий... Мюнхен хүрч ч юуны магад.
"Мюнхен" гэдэг нь Москва, "Висбаден" гэж Владивостокийг хэлжээ. Зорге юуны өмнө радио холбоотой болохын хичээв.
- Тохиролцлоо шив дээ. Бид бас ажиллах болно! гээд Зорге Клаузены мөрийг гамбургийн далайчдын заншлаар чанга алгадав.
Макс ойлгож, инээд алдан
- Чи бас давслагдсан юм уу? Далайд явж байсан уу? гэв.
- Янз бүр л байлаа.
Тэд салан явлаа. Рихард түр зогсож, нөхдөө нүдээр үдвэл бүх юм хэвийн, Вилли Макс хоёрын араас дагасан хүнгүй байх шиг бололтой. Дараа нь тэр гудамж хөндлөн гарч, булан тойроод, хүн-хөлөгт сууж, хэдэн хороолол өнгөрөн мөрөө баллаад, буудалдаа явгаар буцаж ирлээ.
divider
Зоргегийн буусан тэр буудалд америкийн сэтгүүлч Агнесс Смедли суудаг байв. Тэд нэгэн давхарт, хар хүрэн хивс дэвссэн гудамны хоёр үзүүрт сууна. Смедли Хятадад франкфуртын нөлөө бүхий сониныг төлөөлж байв. Рихард бүр Германд байх үедээ түүний тухай олонтаа сонсож, бичсэн ном, өгүүллийг нь уншиж, дэвшилт үзлийг нь мэддэг байсан боловч, биечлэн таньдаггүй байлаа.
Смедли өглөө бүр тогтмол нэгэн цагт дээд давхарт гарч, кафе-ресторанд хооллоно. Рихард түүнтэй заримдаа цахилгаан шатан дотор, заримдаа өглөөний цайн дээр дайралдаж мэхэсхийн өнгөрнө. Смедли жижиг ширээний ард ганцаар сууж, тэр даруй тэмдэглэлийн дэвтрээс жижиг жижиг цаас тасдан авч, юм бичиж эхэлдэг зантай. Тэр ажилдаа улайраад хоолоо мартах юм уу эсвэл хөрсөн кофе цааснаас нүд салгалгүй залгилж, кекс эмтлэн амандаа хийх нь олонтаа Агнесс бол гоолиг сайхан биетэй, сэргэлэн бор нүдтэй, баясгалантай царай бүхий дөчин настай эмэгтэй. Өглөөний цайнаар Рихард сонин уншиж байгаад түүнээс түрүүлэн гарах бөгөөд маргааш өглөө нь тэд дахин дайралддаг байв. Нэг удаа тэр хоёр нэг ширээнд суусанд Агнесс Рихардаас үзгийг нь гуйжээ. Тэд ийнхүү танилцаж, удалгүй найз нөхөд болов.
Смедлийн төрхөнд холын ацтек өвгийнх нь ямар нэгэн баригдашгүй шинж цухалзах ажээ. Түүний бардам байрын толгой, уруул, тэгш шулуун бие тийм сэтгэгдэл төрүүлдэг байж магадгүй ч энэ нь гол төлөв түүний зан төлөвөөс болсон нь эргэлзээгүй. Нөхөд нь Агнессыг Монтесумын охин гэж тоглон нэрлэнэ. Тэр нь гомдлыг тэсвэрлэж чадахгүй бардан сэтгэлтэй, зоримог, эрчимтэй, бас эмэгтэй хүний намба төрхийг бүрэн агуулсан хүн байв.
Урьд өмнө америкийн зүүн байгууллагуудын ажилд оролцож байжээ. Калифорний захиргааны төлөөлөгч нэгэн түшмэл, энэ ажиллагаатай нь уялдуулан "Агнесс Смедли, та америк хүн биш..." гэж гомдмоор үг хэлжээ. Түшмэл түүнийг эх оронч үзэлгүй байна гэж зэмлэжээ. Агнесс зэвүүцэн нүдээ жийхайлган харж
- Та өөрийгөө жинхэнэ америк хүнд тооцож байгаа юм биш биз?! Миний эцэг өвгөд энэ тивийг конквистадоруудаас хамгаалж байсан, би ч бас конквистадорын үр сад, ард түмнийг тонон дээрэмдэгч нартай тэмцэхийг хүсэж байна! гэж хариулав.
Смедли эцэг өвгөдийн эх орондоо бараг гуйланчны амьдралтай байв. Эх нь угаалгачаар ажилладаг байлаа. Агнесс эцгийн тухай зүрх шимшрэхгүй ярьж үл чадна. Эцэг нь ажилгүйдэж, талхны хэрчим бүрийн төлөө тэмцэх зориг нь мохож, сэтгэлээр унан доройтсоор, архичин болж, эхийн ажлын хөлсөнд авсан хэдэн мөнгийг булаан авч, эд хогшлоо зарж, цөмийг буурчийн газрын эзэнд аваачиж өгчээ. Гэтэл Агнессаас гадна бас дүү нар нь эхийн гарыг харж идэх юм хүсэмжлэх бөгөөд тэднийг хувцаслах хэрэгтэй байв... Өлссөн дүү нараа тэжээх гэж юм хулгайлахад хүрч байснаа зүрх шимшрүүлэн ярьдаг байв.
Дараа нь түүнийг хувь тавилан өрөвдөн нигүүлссэн гэхэд болно. Тэр дунд сургууль төгсөж, оюутан болов. Тэр үед нөгөө, засгийн газрын түшмэлтэй Калифорнид ярилцсан юмсанжээ. Тэр эх орноосоо гарч явахад хүрэв. Англид ч байсан Германд ч байсан боловч Хятадыг хоёр дахь эх орноо гэж үзэж, хөндлөн гулд явж, энэ орны талаар гайхалтай сайн мэдэх болжээ. Агнесс Смедли олон сараар хятадын Улаан армийн дунд ажиллаж, түүний хүнд ширүүн дайн тулалдаанд оролцож, Улаан армийн тухай хятадын тариачин, ажилчдын тэмцлийг талархан үздэгээ үл нуун олонтоо бичжээ.
Агнесс Зоргетэй танилцах үедээ өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Газрын охин" номоо дуусгаж байлаа. Америкийн зохиолч энэ эмэгтэй Шанхайд их өргөн холбоотой байв. Зохиолч Лу Синьтэй анд найз бөгөөд хятадад үе үе ирдэг Бернард Шоу, япон, хятадын дэвшилт сэтгүүлчидтэй байнга уулзалдаж, хамгийн сүүлчийн үйл явдлын дунд байдаг байлаа. Зорге, юмыг эргэцүүлэн боддог, дэвшилт хүмүүсийн хүрээндээ өөрийг нь оруулсан, эвлэг сайхан яриатай, ухаантай, боловсролтой энэ эмэгтэйтэй танилцаж нөхөрлөсөндөө бахархаж байлаа.
Хэсэг хугацаа өнгөрмөгц, өглөөнөөс шөнө болтол олон хүний нүдэнд өртөж байдаг тохиромжгүй, үнэ ихтэй буудлаас Рихард гарав. Консул Борх францын дүүрэг - Рю де Лафайетэд тохиромжтой, хямд байр олоход тусалжээ.
Агнесс Смедли бас "манай хилийн наймаачныг" буюу тэд өөр хоорондоо ийн нэрлэдэг Сашэний буудлыг орхин хоёр өрөөтэй тохилог байранд шилжин сууж өрөө тасалгаагаа өөрийн сонирхолд нийцүүлэн, хятадын өнцөг булан бүрээс цуглуулсан гоёмсог тоглоом, бэлэг дурсгалын зүйлээр чимэв. Хятад зургийн хөнгөн хар зураастай цэнхэр саарал хөшиг задгай унжуулсан цонх нь Сүжоугийн суваг руу харна. Сувгийн цаад талд японы сеттльментийн хорооллууд залган үргэлжлэх бүлгээ. Сувгаар дарвуулт онгоц, завь хөвж, хитэг дээр сийрсэн бүрх малгайтай хитэгчид сэлүүр барин сууна. Энэ бүхнийг нар гийгүүлэхэд, сувгийн хар ногоон гадаргуу, цонхны хөшигний зургийг давтах шиг болно.
Одоо тэд цөөхөн уулзалдах боловч Смедлийг хотод байгаа цагт Рихард ганцаараа юм уу шинэ найзуудын хамт зочломтгой энэ эмэгтэйгийнд долоо хоног өнжихгүй очно! Энэ эмэгтэй тохилог сайхан байраа юутай хялбархан, юутай гудиггүй орхин, зам муутай хятадын нутгаар хэрэн тэнэх хүнд ажилд дурлана вэ гэдгийг ойлгох аргагүй. Тэр олон долоо хоногоор гэнэт алга болж, Улаан армийн цэргийн хамт дайн тулалдаанд оролцож, аюулыг хамт амсан явж байгаад, нар салхинд нүүр нь борлож, дүүрэн сэтгэгдэлтэй буцаж ирэхэд гайхалтай цэвэр тунгалаг нүд нь уран хийцэт саарал шилэн шигтгээ лугаа адил гэрэлтэнэ.
Рихард түүний шинэ байранд анх ирээд дуу алдан
- Агнесс, өөрийнхөө нүдний өнгөтэй хөшиг захиалаа юу?.. гэхэд Агнесс инээд алдан
- Үгүй ээ, зүгээр л миний дуртай өнгө. Би хурц тод өнгөнд дургүй... гэжээ.
Зорге Смедлийн хамтлагийн дунд цагийг өнгөрөөж, яаралгүй яриа дэлгэн, түүний яриаг сонсох дуртай. Агнессын зан төрх нь илэн далангүй байдалд дуртай бөгөөд ярилцагч хүний сэтгэлийн ялимгүй өөрчлөлтийг соргогоор ажиглаж чадна.
Нэг удаа тэд цонхны дэргэд сууж байв. Үдшийн цаг, сувгийн зүгээс сэрүү татаж, Рихард хөвөн яваа завийг бодлогошрон харна.
- Рихард та өнөөдөр уйтгартай байна. Би таны ийм байхыг ер үзээгүй гэж Смедли хэлэв.
- Үгүй ээ, би зүгээр л хүний хувь заяаны хүйтэн хатуу хувирлыг бодсон юм.
Тэр саяхны нэгэн явдлыг санав.
- Агнесс аа, миний итгэл, хүндэтгэлийг хүлээсэн тийм л эмэгтэйчүүдэд ярихыг эрхэмд үздэг сэдэв байдаг. Тэд бол эрчүүд биднээс илүү нарийн ойлгодог. Тийм эмэгтэйчүүдийн нэг нь та юм.
- Баярлалаа...
- Та ёжилж байна уу? гэж Рихард болгоомжлов.
- Үгүй ээ, үгүй... Нээрэн шүү! Би ёжлохыг тэсэж чаддаггүй.
- Хэдэн жилийн өмнө би германы жижигхэн хот Аахенд, нийгмийн шинжлэх ухааны институтэд нэг профессорын туслахаар ажиллаж байлаа. Профессор хотын төвд суудаг, би хааяа тэднийд очдог байв. Профессор миний насны залуу эхнэртэй. Тэр эхнэрээсээ хорь юм уу, түүнээс ч илүү ах харагдана. Эхнэр нь бидэнд кофе авчирч өгснөөр, бидний танилцал хязгаарлагдав...
Би нэг удаа тэднийд очвол профессор байсангүй, эхнэр нь үүд нээж өгөв. Үүднээ зогсоцгоотол, цахилгаан гүйдэл намайг сүлбэх мэт болов. Түүнийг бас цахилгаан цохих шиг санагдсан тухай нэлээд хожим тэр хүүхэн ярьж билээ. Тэрхэн агшинд түүний дотор нойрсож байсан аюултай, зайлшгүй нэгэн зүйл сэржээ. Гэвч би тэр үед түүний бүлтгэнэн гялалзсан нүдийг хараад, ямар нэгэн юмнаас айв уу даа гэж бодсон төдий өнгөрч билээ. Би дотогш оролгүй буцсан хэдий ч, үүнээс хамаг зүйл эхэлжээ. Би багшаа гэж үздэг профессорынхаа эхнэрт дурласнаа мэдэж, хаашаа ч хамаагүй явахаар шийдээд байтал, нөгөө хүүхэн надаас урьтжээ. Тэр онцын шалтгаангүйгээр хоёр хоног бэлтгээд, Мюнхенд эхдээ очихоор явлаа. Явж буй шалтгаанаа хэнд ч хэлсэнгүй. Профессор хэрхэх учраа олсонгүй, би ч бас адил...
Түүний Мюнхен явах гэж буйг би профессороос сүүлчийн өдөр дуулсан юм. Би профессорын хамт үдэн мордуулж, өртөөн дээр мөнгөн цомтой цайны сарнай цэцэг авчирч өгөв. Профессорын эхнэрт өөрийн харьцааг илэрхийлж чадах зүйл минь гэвэл энэ байв. Тэр нүдний булангаар надад талархал илэрхийлж, нөхрөө яаран үнсээд явлаа. Тэр нь өөрийн сэтгэлээс зугтсан боловч түүнийг таягдан хаяж чадаагүй ажээ. Би энэ тухай хожим мэдсэн юм.
Би өөрийн сэтгэлд болж буй зүйлээс ангижрахыг бас хичээж, хамаг анхаарлаа хандуулаад байсан тул Христинагийн дотор юу болж байгааг ер анхаарсангүй. Профессортой уулзах бүрдээ би өөрийгөө хамгийн өөдгүй хүн гэдгийг бодно. Хэдийгээр тэр үед бурханд итгэхээ хэдийн больсон боловч цаг үргэлжид библээс иш татан "Дотно хүнийхээ гэргийг бүү хайрла..." гэж уншина.
Би Христинаг хэдэн сар харсангүй. Тэр үеэр намайг улс төрийн найдваргүй гэж институтээс хөөв. Цагдаагийн газрын дансанд хэт зүүний үзэлтэнд тооцогдон бүртгэгдэв. Профессор анхаарал тавин хөөцөлдөөд надад тусалж чадсангүй, харин өөрөө арай ядан тогтож, Франкфуртэд өөр институтэд шилжих боллоо. Үйл явдал ингэж эргэсэнд би дотроо баяртай ч байсан байж магадгүй. Миний хувьд юутай ч гэсэн нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй байсан юм. Ажил олж чадахгүй удсаны эцэст Бельгийн уурхайд хөлслөгдөн вагон түрэгч, нүүрс малтагчаар ажиллав. Ажил тун хүнд байсан боловч би ажирсангүй.
Дараа нь Франкфуртэд эргэн ирээд Христинатай дахиад дайралдав. Нөхрөөсөө салаад ганцаар сууж байв. Бидний холдолт сэтгэлийг огтхон ч холтгосонгүй нь анхны уулзалтаас илэрхий байлаа. Удалгүй бид хоёр гэрлэв. Сайхан том байранд орлоо. Бид ядуурсан нэгэн герман тайжийн хоосон жүчээний ойролцоо уналтад орсон цэцэрлэгийн зэрэгцээ орших дэлбэгчийн байрыг түрээслэн авч, өөрсдөө засаж янзлан аятайхан болгов. Найз будагчин өрөө бүрийн ханыг өөрийн өнгөөр, улаан цэнхэр шараар... будлаа. Христина хуучны мебель, зургийг эрхэмлэж, энэ бүгдийг өөрөө янзлав, Манайд дандаа олон хүн цугларч, өдөр бүр шахам өглөө болтол сууж, ярилцаж, маргалдана...
- Профессор яасан бэ? гэж Смедли асуулаа.
- Профессор уу?... Би гэрлэхийнхээ өмнө Франкфуртад түүнийг эрж олоод, цөмийг ярьсан. Тэр надад юу гэж хариулсан гэж бодож байна?.. "Бид өөрийн хүслийг жолоодох чадалгүй. Хүсэл маань биднээс хүчтэй... Дотно хүний гэргийг хайрлах нь библийн номлол ёсоор нүгэл боловч хүний ёсонд нүгэл биш. Хэн ч буруугүй, харин би ухаангүй хөгшин толгой... Энэ талаар дахин ярихаа больё..." гэж билээ.
Миний ажил сонирхолтой, хажууд хайртай хүн минь ч байлаа. Аз жаргалтай байхад өөр юу хэрэгтэй юм?
Франкфуртын амьдрал удаан үргэлжилсэнгүй. Намайг өөр оронд явуулах болж, би ч үг дуугүй гэр орноо орхин явлаа.
Зорге Германаас Москва руу явсан бөгөөд энэ тухайгаа хэлэлгүй, зүгээр л нэг оронд явснаар Агнесс Смедлид ярив.
Тэр үед, хорин дөрвөн оны хавар, Майн дахь Франкфуртэд Германы коммунист намын ээлжит их хурал болж өнгөрлөө. Их хуралд Москвагаас Мануильский, Пятницкий, Куусинен, Лозовский... нар нууцаар ирэв. Тельман тэднийг тагнуулчдаас хамгаалах ажлыг Рихард Зоргед даалгаж, улаан фронтынхны багийг туслуулахаар өгөв. Төлөөлөгчид Зоргегийн гэрт сууж, дэлбэгчийн байрыг "Язгууртны ордон" хэмээн нэрлэв. Энэ байр нэлмийж сэгсийсэн цэцэрлэгийн ойр, онцгой захдуу нь нууцгай ажилд тохиромжтой байв. Төлөөлөгчид, "Рот Фронт" багийн толгойлогч, цовоо сэргэлэн, залуу коммунисттай анд нөхөд болцгоов. Тэгтэл Зорге одоо өөр зүйлийг санав.
Тэр уруулаараа янжуур сугалан авч, асаагуураа шархийлгэн асааж татлаа. Асаагуурын шар дөл зузаан эрүүгий нь гэрэлтүүлж, сүүдэрт таллан хуваагдсан том ам, нүд нь өнгөрсөн явдлыг нэхэн үл хөдөлнө. Хөмсөг нь нүүрний дээд хэсгийг сүүдэрлэжээ. Асаагуур унтарлаа...
Рихард үргэлжлүүлэн ярив:
- Бид зочид буудалд, нэгэн жижиг өрөөнд орлоо. Би сонирхолтой, чухал ажилтай байсан тул гэртээ оройтож харина. Христина эрдэм шинжилгээний институтэд ажиллаж, англи хэлнээс Марксын гар бичмэлийг орчуулна.
Заримдаа бид германы клубт очих боловч ингэж явах заваар багахан байв. Удалгүй бидний харилцаанд ямар нэгэн гажиг гарсан нь мэдэгдэв. Бид яахаа мэдэлгүй, энэ зөрчил, хямралаас гарахыг оролдовч, дахин дахин зөрчилдсөөр... Ийм байдалтай хоёр жил үргэлжлэв.
Бид гэрлэх үедээ бие биений чөлөөт байдлыг бүрэн хадгалахаар тохиролцсон юм. Гэтэл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд хэцүү хэрэг ажээ. Хоёуланд нь хүнд байв. Христина Германдаа түр буцмаар байна гэв. Би ч эсэргүүцсэнгүй... Бид хоёр удахгүй уулзалдана гэсэн дүр үзүүлэвч, үүрд салж байгаагаа мэдэж байлаа. Үнэхээр тийм болсон юм. Энэ бол арван жилийн өмнөх явдал...
Би удалгүй Скандинав руу явлаа. Германд ч байв. Бид хоёр уулзалдсан боловч, гагцхүү нөхрийн ёсоор уулзалдсан юм. Би өнөөдөр түүнээс нэг захидал хүлээн авлаа. Бид хоёр хааяа захиа бичилцдэг юм: Америкт очих гэж байгаа гэнэ. Германд амьдрахад улам бүр хүнд болж байна. Фашизм хүчээ авч байна. Одоо Германд байхад аюултай болжээ... гэж Христина бичжээ.
- Рихард, та Орост сууж байсан уу? гэж Смедли асуулаа.
- Байсан, дүрвэн сууж байсан...
- Би Орос оронд хайртай. Рихардаа, та юутай ганцаардмал юм бэ?..
- Тийм биш ээ! Надад олон нөхөр, олон дутуу ажил байна!
- Би өөр зүйлийн тухай ярьж байна... Би танаас эгчмэдийн хувьд цөмийг сайн ойлгох нь лавтай... Тэгээд ч таны хэлснээр, юмыг нарийн ойлгодог эмэгтэй шүү дээ би...
- За, за энэ талаар дахиад ярихыг больё! Явж зугаалъя.
Тэд тэр үдэш эргийн дагуу удаан зугаалж, Шар мөрний эрэг дээрх цэцэрлэг доторхи зуны кафед сууцгаав. Цэцэрлэгийн хаалган дээр "Нохой ба хятадууд орохыг хориглоно" гэж бичсэн анхааруулах бичиг байлаа.
Зорге царай хувьсхийлгэн доромжлолт, бичгийн зүг толгой дохиж
- Хүмүүст ингэж хандах явдал намайг тарчилгадаг юм гэв.
Агнесс Зоргегийн ярьсан яриаг бодсоор байсан мэт
- Рихард аа, би таныг нэгэн ихэд ялдамхан японтой танилцуулъя, зөвшөөрөх үү?. Би шинэ хүмүүсийг нээх дуртай, үүнийгээ тантай хуваалцаж болно... Токиогийн "Асахи" сонины сурвалжлагч хүн. Тэр хэдийгээр цэрэг царайтай боловч, дайныг үзэн ядаж, милитаристуудыг ер нь ийм бичиг бичигчдийг тэсвэрлэж чаддаггүй юм.
- Танд талархах болно. Таны адил үзэл бодолтой хэнтэй ч болов танилцахад бэлхэн...
Хэдэн сарын өмнө Агнесс Смедли японы сэтгүүлч Озаки Хозүмитэй францын сеттльментийн нэгэн номын дэлгүүрт дайралджээ. Хоёул нэг тавиур дээрх ном ухаж байгаад, хятадын уран зургийн талаар ярилцсанд, шинэ танил нь Хятадын үндэсний урлагийн талаар их мэдлэгтэй, сайн ойлгоцтой нь мэдэгдэв. Тэр бас Агнесс Смедлийн номыг уншсан бөгөөд япон хэлэнд зарим зүйлийг орчуулах бодолтой ажээ.
Та хоёр хэн хэнийхээ сэтгэлд нийцэх нь дамжиггүй гэж Смедли хэлэв.
Агнесс түүнээс хойш нэн их удалгүй Озаки Хозүми руу утасдаж, саявтархан Шанхайд ирээд байгаа гадаадын нэгэн сурвалжлагчийн хамт үдийн цай уухыг урилаа.
Тэд "манай хилийн наймаачны" буудлын дээд давхарт, аз жаргалын улаан өнгөн дээр алтан шар луу тавьж чимсэн ханатай ресторанд уулзлаа.
Нэгэн ширээнд үзэг нэгт сэтгүүлчид цугларсанд ч, америк эмэгтэй Смедли японы сэтгүүлчид өөрийн сайн танилыг танилцуулсанд ч гайхах юмгүй боловч, хожим дэлхийн олон тагнуулчдын сэтгэлийг олонтоо гонсойлгосон үйл явдал чухамхүү энэ өдөр болжээ. Сашэны зочид буудлын ресторанд болсон уулзалтаар дайныг үзэн ядагч Рихард Зорге, Озаки Хозүми хоёрын их нөхөрлөл, хамтын ажиллагааны эх тавигджээ.
Үнэндээ ч Озакийн тэгш дөрвөлжин царай, хойш нь самнасан өтгөн хар үс, зун өмсдөг шар ногоон цэрэг цамц нь түүнийг жирийн цэрэгтэй адил болгожээ. Гагцхүү царайны дэвсгэр нь байнга дөрвөн хананы дунд ном шагайн ажилладгийн улмаас ихэд шингэн ажээ.
- Озаки-сан, та цэрэг цамцаа хэзээ солих гэж байна вэ? Цэрэг болох гэж мөрөөдөж явна уу? гэж Хозүмийг ширээнд ирэхэд Смедли дуу алдан асуув.
- Би олигтой цэрэг болж чадахгүй, харин сайн сэтгүүлч байхыг эрхэмлэнэ...
- Би бас тэгж боддог. Агнесс аа, гэлээ ч та биднийг танилцуулна биз дээ? гэж Рихард ярианд оролцов.
Озаки эхлээд биеэ барингуй байснаа сүүлдээ яримтгай болов. Хятадын улс төрийн байдлыг ярилцаж эхлэв. Озаки ярьсан нь:
- Эдийн засгийн хямрал Японыг ч хамарлаа. Манай үйлдвэрийн эзэд монопольтнууд Манжуураар ажил явдлаа засах бодолтой байна. Энд оруулж байгаа японы хөрөнгө оруулалт улам бүр нэмэгдсээр, бүтэн хагас тэрбум иен болсон нь тийм ч бага биш тоо юм. Одоо Манжуурт байгаа гадаадын бараг бүх хөрөнгө оруулалт Японых. Үүнд гагцхүү оросуудын байгуулсан Хятад-Дорнодын төмөр зам л үл хамаарна. Гэлээ ч энэ зам гадаадын хөрөнгийн дөнгөж дөрөвний нэг болох бөгөөд үндсэн хөрөнгө нь Японууд бидэнд хамаардаг гэдгийг давтан хэлье... Гэхдээ хөрөнгө оруулалтын араас цэргүүд дагаж буйг та нар мэднэ шүү дээ. Ойрын хугацаанд Хятадын улс төрийн байдал зөөлөрнө гэж би бодохгүй байна. Харин ч Жан Золингийн галт тэрэгний дэлбэрэлт хэрэг явдлын эхлэл мөн. Энэ улс төрийн аллагад Доихараг холбоотой гэдэгт би итгэдэг... Агнесс-сан, та Доихараг мэднэ биз? Маршал Жан Золингийн зөвлөх байсан хүн. Бас Итагаки гэж хүн бий... Эд бол зүгээр ч ирээгүй, цагаас өмнө ч явахгүй улс. Одоо тэд Токио, Мүгдэнгийн хооронд байнга аялж байна.
Озакийн шулуун яриа Зоргег гайхуулав.
- Хэрэв, таны хэлснээр хөрөнгийн араас цэрэг дагаж буй бол тэд дайны зүг яваа хэрэг гэж Рихард хэлэв.
- Үүнд би огтхон ч эргэлзэхгүй.
- Тэгвэл цэргийн цувааг зогсоох ямар арга байна?
- Мэдэхгүй юм даа. Энэ бол миний мэдэхгүй асуудал. Гагцхүү, дайн бол аюултай гэдгийг мэднэ...
- Гэлээ ч бид хөндлөнгийн ажиглагч байж болохгүй хэмээн Зорге хэллээ.
Тийм ээ, Зорге бол хөндлөнгийн ажиглагч биш... Тэр Шанхайд ирээд хэдхэн сар болохдоо Төвийн даалгаврыг хэрэгжүүлж чадах өргөн сүлбээг байгуулж амжжээ. Эндхийн хүмүүс янз бүр бөгөөд герман Клаузен, сайхан сэтгэлтэй, болсон тариа шиг шар толгойтой, өтгөн сахалт, чех Вацлав Водичка хоёр зориуд ирсэн ажээ. Бусад хүмүүсийг, тухайлбал. Озаки Хозүми юм уу, Зөвлөлийн эсрэг дайтаж, эх орноо арга буюу орхин явсан, хаант оросын армийн бага дэслэгч, колчакийн офицер Константин Мишинийг удаан хугацааны турш сайтар шалгаж байж Хятадаас элсүүлжээ. Урьд өмнө гаргасан алдаа нь эх орноо мөрөөдөн гансрах эдгэршгүй гуниг гутралын эх үүсвэр болсон ажээ.
Вацлав хотын худалдааны районд гэрэл зургийн барааны дэлгүүр нээж Мишин Клаузены засварын газарт ажиллав.
Гучин оны сүүлчээр Шанхайд бас нэгэн нууц ажилтан ирсэн нь бөх байрын биетэй, эргэн духтай, эстон Зельман Клязь ажээ. Гэвч энэ бол Зоргегийн бүлгийн анхны мэдээлэл хятадаас хөвөрч эхэлсний дараах явдал. Хятад улс улам бүр элдэв хөрөнгөт хүчний үйл ажиллагааны талбар болон хувирч, энд япон, их британи, америк германы сонирхол мөргөлдөн зөрчилдөж, зарим талаар нийлж байв. Параллелограммын хүч лугаа адил хэдэн тийшээ зүтгэсэн тэдний нийлбэр хүчний хэмжээг тодорхойлох явдал зөвлөлтийн тагнуулчийн зорилго байлаа.
Зорге Шанхайгаас "Мюнхен" буюу Москва руу Хятадын улс төрийн байдлыг мэдээлж байсны дотор Манжуурын байдал цөвүүн болж, зөвлөлтийн хилд дайны аюул ойртох нь эргэлзээгүйг мэдэгдэж байлаа. Зорге цаг үеийн байдалд дүн шинжилгээ хийж, японы бодлого өнөөдрийн өдрийг хүртэл түрэмгий хэвээр бөгөөд Япон улс хятадад цөмрөн орсноор умард руу, зөвлөлтийн Приморье, Өвөр Байгалийн зүг хөдлөх анхны алхам нь болж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Харин шинэ нөхцөл байдалд Америкийн Нэгдсэн Улс, Их Британи ямар бодлого баримтлах нь тодорхой бус байлаа.
Нөхцөл байдал иймээс Төв Зоргегийн бүлгийг туршлагатай цэргийн ажилтнаар зузаатгахаар шийдвэрлэж, паспортонд Зельман Клязь хэмээн бичигдсэн нэгэн эстон эрийг сонгож, цэргийн зөвлөхөөр илгээв. Бүлэгт түүнийг Пауль гэх бөгөөд Зорге ч бас жинхэнэ нэрийг нь мэдэхгүй ажээ. Нууц ажлын улмаас дайсан этгээдийн талаар аль болох ихийг мэдэж, хамтран ажиллагчдынхаа талаар аль болох бага мэдэх шаардлагатай байлаа.
Малын их эмч Зельман Клязь өөр нэртэй, өөр мэргэжилтэй байлаа. Эстон зарцын хүү Карл Рими хувьсгалын өмнө багш болж, хүүхэд багачуудад ном зааж, тэдний хамт цэцэг тарьж, сургуулийн цонхны өмнө мэлрэг цэцэг суулгаж, арван долоон онд баячуудын газрыг хуваахад оролцож явлаа. Гэвч тэр үед газар эзэмшиж, ургац авах гэвэл анжсаар зогсохгүй, зэр зэвсэг хэрэгтэй байв. Тэр цагаас Карл Рими бүрмөсөн цэргийн хүн болжээ. Тэр Эстонд Улаан гвардийн анхны багийг байгуулж, Нарвагийн дэргэд тулаанд оролцож, умардад Архангельскийн ойролцоо английн түрэмгийлэгчидтэй дайтаж, дорно зүгт Екатеринбургийн дэргэд байв... Пулемётчин Рими иргэний дайны бараг бүх фронтод байлдаж, цэргийн зөвлөлийн гишүүн болж явлаа. Дараа нь цэргийн академийн дарга нарын факультетэд суралцаж, тагнуулчаар ажиллажээ. Карл Алс Дорнодын бүгд найрамдах улсын ерөнхий командлагч, нэгэн үе хятадын армийн цэргийн зөвлөх байсан нууц генерал Гелен хэмээгч Василий Блюхерийг сайн таньдаг байсан явдал түүнийг Пауль нэр зүүн Хятадад ирэхэд зохих үүрэг гүйцэтгэсэн байж ч болох юм.
Малын их эмч Клязь Шанхайд ирээд Вейхавейд буудаллаж, мэргэжлийн ажил хотоос ололгүй, чех Вацлав Водичкатай танилцаж, хувь нийлүүлэн гэрэл зургийн хэрэглэлийн наймааны ажил эрхлэн, хальс угааж, сонирхогчдын зураг буулгадаг байлаа. Захиалга дэндүү ихээс зорьж ирсэн ажлаар хөөцөлдөх зав гарахгүйд мань худалдаачид сэтгэл гонсойх бөгөөд зарим үед өөр газарт дамжуулан угаалгаж, өөртөө алдагдал гаргах боловч ингэснээр Хятадын банкны систем судлагч, франкфуртын сэтгүүлч Жонсоны буюу Рихард Зоргегийн авчирсан жижиг хальсыг угаах цагтай болно.
Үүнээс гадна Клязь сууцныхаа дэргэд хувийн ресторан нээв. Рихард тэнд, лангууны цаана коктейль хийж зогсож буй хүдэр эстон эртэй танилцжээ. Рихард өндөр исэр дээр суугаад, ойр хавь хунгүй үед
- Паультай уулзаж болох болов уу? гэж асуув.
Рестораны эзэн гялалзсан диц таглаа эргэдэн коктейль аягалаад, хятад үйлчлэгчийг дуудан,
- Цонхны дэргэдэх ширээнд хоёр коктейль... гэв.
Тэр Рихардад
- Пауль ирсэн... Өвгөн танд мэндчилгээ дамжуулсан байна лээ гэж тогтсон үгээр хариулав.
Өвгөн гэдэг нь зөвлөлтийн тагнуулын удирдагч Ян Берзин ажээ.
Рихард Зорге Клязийн ресторанд юм уу, үүдэн дээрээ "Вацлав Водичка ба К°" гэсэн хаягтай, гэрэл, зургийн хэрэглэлийн дэлгүүрт байнга ирнэ. Тэдний яриаг хажуунаас сонсвол, академийн цэрэг-түүхийн тасагт үйл явдлын одоогийн байдал, хэтийн төлөвийг шинжлэн дүгнэж, бодит байдал нь зарим хувь хүнд болон төрийн бодлогод нөлөөлж болох тухай хэлэлцэх мэт ажээ.
Удалгүй Паулийн эхнэр Луиза ирлээ. Жижигхэн биетэй, тайрмал үстэй, хар нүдтэй, цовоо сэргэлэн энэ эмэгтэй гэр орны ажилд сүрхий, халамжтай хүн ажээ. Тэр өндөр том Паулийн дэргэд хүүхэд шиг харагдана. Клязь эхнэрээ тэсэж ядан хүлээж байжээ. Эхнэр нь Германаар дамжин Венецид очиж, тэндээс италийн "Конте Россо" гэдэг хөлөг онгоцоор гарчээ. Олон тавцант цагаан хөлөг онгоц Хуанпу мөрнийг өгсөн ирэхэд Пауль тэсэж чадалгүй, зугаалгын завинаа үсрэн гарч угтан сэлсээр ойртон очоод, гараар даллан, олон зорчигчдын дундаас хайрт гэргийгээ олж харахыг хичээн турьхан завин дотроо өндийн зогсов.
Клязь Шанхайд эхнэрээ жинхэнэ нэрээр нь Люба гэж ерөөс нэрлэхгүй, гагцхүү паспортанд бичсэнчлэн Луиза гэж дууддаг байв. Луиза нууц түлхүүр тайлагч, лаборант, шуудан цуглуулагч, холбоочин зэрэг элдэв үүргийг үүртэж түүртэх юмгүй хөнгөн шингэн хийж, эр зориг гарган өөрийн болон нөхдийнхөө төлөө зовсон сэтгэлээ үл мэдэгдэнэ...
Дэлгүүрт дэндүү олон захиалга овоороход, Клязь уртаар шүүрс алдан, уруу дуугаар
- Вацлав аа, ийм их захиалга аваад байвал пүүс маань удахгүй баларна шүү. Их нэр зар бидэнд гай болно... гэхэд нь
- Зүгээр ээ хө, юуны тулд Луиза байгаа билээ... гэж чех эр хэлээд шар сахлаа илэв.
Луиза өөрийг нь үл мэдэх гудамжинд очиж, хальсаа угаалганд өгөөд, угаасан хальс авчирна.
Нэгэн шөнө дэлгүүрийг нь дээрэмдэв. Энэ явдал тохиолдлын хэрэг үү, аль эсвэл ул мөр эрж байна уу? Ямар ч гэсэн цагдаагийн газарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв. Цагдаагийн газраас байцаагч хэд хэдэн удаа ирж, асууж лавлан, протокол гаргасан боловч дээрэмчдийг олсонгүй... Хамаг юм нам тайван байх шиг байв. Ердийн хулгайчид үймүүлсэн бололтой. Гэлээ ч гэсэн Зорге болгоомжилж, аль болохоор цөөн уулзаж, сонор сэрэмжтэй байх боллоо.
Зорге Шанхайд ирээд бүтэн хагас хоёр жил боллоо. Түүний сүлжээ гажиггүй сайн ажиллаж, хүмүүс нь боловсрон буй үйл явдлыг угтахад бэлэн байв.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:01 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
[left][size=150]МҮГДЭНГИЙН БУДЛИАН

Цэрэг Ян Сипань нас ахиж, хөндлөнгийн тусламжгүй байхад бэрхтэй болов. Залуу шошийн адил чанга, төвгөр булчин нь улбайн сулдаж хатангир гонзгой царай нь хайрдаж наранд хатсан загасыг санагдуулах бүлгээ.
Урдаа яваа хоёр хүний араас нэгэн хөвгүүн Си-панийн винтов, бас замын хажуугийн байшингаас авсан ногоотой уут үүрч явлаа. Тариачид ногоогоо зарж аж ахуйдаа их нэмэр болдог боловч, хуарангийн ойр хавийнхан хаширлаж, муухай аашлах тул ногоо авахаар улам бүр хол явдаг болжээ. Эднийг цагаан арван хоёр хошуут тэмдэг хадсан навтгар даавуун малгай, улаан цэмбэн погоноор нь Жан Сюэлянгийн армийн цэргүүд гэдгийг мэдэж болно.
Нар хэдий дээр хөөрсөн боловч есдүгээр сар тул илч нь буурчээ. Шөнө улам уртсаж, хүйтэн хонох болж, цагийн эрхээр хатсан өвсийг хяруу бүрхэх болжээ. Цэргүүд зам дээр гарч, тус тусын бодолд дарагдан алхана. Хойт хуаран хүрэхэд хоёр гуравхан ли газар үлджээ. Цөмөөр бүх л замын турш дуугүй явцгаатал Чан эхлэн ам нээж,
- Шибыко худо гэж яагаад ч юм оросоор хэлэв.
Ян Сипань хяламхийн хараад дуугарсангүй. Хүн яриа өдвөл юм гуйх гэсний тэмдэг. Тиймгүй бол юунд ярих билээ? Тэр өчигдөр тавьсан цэргийн цалингаа яавал үр ашигтай зарах вэ гэж бодож явлаа. Хүнд зээлдүүлэх үү? Болохгүй ээ, осолтой, өөрт байж байг. Өвгөн өврөө тэмтрэн үзвэл бүрэн бүтэн агаад ер нь хаачих вэ дээ. Зүгээр л юмыг яаж мэдэх вэ хэмээн шалгасан ажээ.
Чан бас л мөнгөний тухай бодож байв.
- Шибыко худо гэж давтан хэлбэл өвгөн бас л дүлий дүмбэ оргин дуугарсангүй.
Чан өчигдрөөс хойш гутруу яваа ажээ. Бас л энэ муу шулаач Ли-фэнтэй маажан тоглож хожигджээ. Ли-фэнтэй тоглохгүй гэж хэчнээн ч удаа ам шүд тавив, гэтэл дахиад... Хэрэв энэ өвгөн бага сага мөнгө зээлдүүлбэл хоолны үнэ дийлж юуны магад. Хөнжлийн тухай бодохын ч хэрэггүй, гэтэл өвөл чийгтэй, хүйтэн хуаранд яаж хонох юм?.. Бас хувцас ноорч гүйцлээ... Орговол яасан юм. Хаашаа оргох вэ? Одоо зуны цаг биш. Хавар бол намуу цэцгийн талбайд хөлслөгдөх юм уу хунхуузтай нийлэхсэн. Тэгвэл хэн олох вэ дээ! Хуарангаас оргоно гэдэг тийм ч амаргүй... Нэгэн оргосон цэргийг барьж авчраад хулсаар гувруу гүйтэл ороолгосон явдал санаанд оров. Энэ бол өнгөрсөн жилийн хэрэг. Тэр цэргийн аз болоход ямар ч буу зэвсэггүй зугтсан нь аминд орж, толгой мөрөн дээр үлдсэн юм. Ийнхүү зуу ташуурдуулж өнгөрч билээ... За байз, мөнгө яаж олох вэ?..
Цэргүүд төмөр замын даланд дөхөж ирлээ. Винтовоо үүрсэн японы эргүүлийн гурван цэрэг наранд гялалзсан төмөр замын дэр мод дамжин бага даргынхаа араас залхуутай гэлдэрнэ. Арай цаахна нь гүвээн дээр бас нэгэн харуул шошийн сүрлээр сүлжиж хийсэн хашаа даган холхино. Хашааны ард хуурай шар шорооны овоолго харагдана.
Цэргүүд замаа товчлон, төмөр замыг шууд огтолж сүрлэн хашааны дэргэдүүр явтал, тэднийг харуул харж, буугаа буулган, ойртож болохгүй гэж дохив. Гэдрэг эргэн, хадсан талбай дундуур явж замд нийлэхээс аргагүй болов.
Энэ янгүйзүүд энд юугаа бариад байгаа юм? хэмээн Чан тойрч явах болсондоо унтууцан үглэв.
- Худаг ухаж байгаа гэсэн. Усанд хор хийчихнэ гээд хүн ойртуулахгүй байгаа юм гэж хөвгүүн хэлэв.
- Худаг бол сайн. Ус ямагт сайн зүйл гэж Ян Ципань хэлэв.
- Бид ямар энэ усыг уух биш дээ гэж Чан зөрөв. Мөнгө яаж олох вэ гэхээс хамаг сэтгэл нь үймэрнэ.
- Цэргүүд дахин төмөр замын далан дээр гарч, доошлон буув.
- Ян Сипань, чи надад дараагийн цалин хүртэл бага зэрэг мөнгө өгөхгүй юу? хэмээн Чан хэлээд тавьчихав.
Өвгөн юу ч дуулаагүй мэт явсаар байв. "Өөдгүй муу амьтан шүү!"
- Би чиний ачийг бодож, буугий чинь цэвэрлэж, юу хэлснийг чинь хийх болно.
- Би буу цэвэрлүүлэх хүнтэй гэж Ян Сипань хэлээд, дөнгөж саяхан цэрэгт орсон хөвгүүн рүү дохив. Өвгөн түүнийг нөмөр нөөлгөндөө авснаа, одоо зарах болжээ.
- Хэрэв чи арван хувийн хүү төлөх бол... Ер нь тэгээд, надад юуны мөнгө байх вэ дээ! Өөрийгөө арай чарай болгож байна...
"Гайгүй мөнгө хүүлэгч гарах нь!" хэмээн Чан хорсон бодов. Тэгээд яах юм?
- Чи арван хувийн талыг авбал... би зөвшөөрье. Бас буугий чинь цэвэрлэх болно. Нусгай хүүхэд над шиг цэвэрлэх үү дээ...
Хөвгүүн яриаг тасалж,
- Хараач таминь, хараач! Тэр юу вэ!.. гэв.
Зэргэлдээх хуарангийн үүдэнд олон цэрэг үймж харагдав.
Үймсэн олны дээр, бургасан торонд хүний толгой өндөр хулсны үзүүрт өлгөжээ. Торноос өтгөн хүрэн цус том томоор газарт дусах нь дөнгөж сая нэгэн хүнийг цаазалсан бололтой. Хулсны дэргэд, гарыг нь ард нь хүлсэн толгойгүй цэрэг цусан дунд хэвтэж байв.
Хараач, энэ чинь долдугаар сумангийн Ма-пинь байна шүү дээ. Урт хэлнээсээ болж толгойгүй болох хүн гэж би хэлж байгаагүй юу. Урт хэл хүзүүгий нь ороож дээ хэмээн Ян Сипань ойртож ирээд ярив.
Зарлан мэдээлэгч, цэргийн хүүрнээс өндөрт зогсон, бичигтэй цаас өмнөө дэлгэн бариад чанга дуугаар уншин сонсгов: Мүгдэнгийн дивизийн долдугаар ротын цэрэг Мапинийг оросуудад олзлогдож байхдаа нөлөөнд нь орж, коммунист суртал нэвтрүүлэг хийсний учир цаазаар хороов. Өчигдөр түүнийг нэхмэлийн үйлдвэрийн ажилчнаас тэрслүү хуудас авч байхад нь барьж авсан билээ. Нэхмэлчин нэрээ хэлэлгүй буудуулсан ба дивизийн даргын тушаалаар цэрэг Ма-пинийг цаазалсан болмой.
- Дэг журам, сахилга бат зөрчсөн, эсвэл улааны самуун дэгдээгчдийн үгийг сонсох болсон хүн бүрийг ингэх болно хэмээн зарлан мэдээлэгч үхдэлийг тойрон явж үгээ төгсгөснөө хэрэгтний цаазлагдсан шалтгааныг дахин чангаар зарлан мэдээлэв.
Чаны дотор зарсхийв. Тэр тор руу дахин харав. Ма-пиний нүд нээлттэй бөгөөд цавчуулсан толгой Чаныг үл таних харцаар гөлрөх ширтэх мэт. Харин Чан Ма-пининг хармагц таньжээ. Хоёул хамт оросуудад олзлогдож, нэгэн байшинд амьдарч байгаад нэг вагонаар буцаж иржээ. Ма пинь хоёр ч удаа хуудас өгч, түүнийг өөрийн хэрэгт татан оруулах шахжээ. Хуудсыг авсан бол энд, гараа ардаа хүлүүлэн, толгойгүй хэвтэж байхсан биз... Одоо Ма-пиньтэй танил гэдгийг нь хэн мэдэх вэ дээ.
- Энэ чинь ямар Ма-пинь вэ? Би танихгүй байна гэж Чан аймшиггүй хэлэв.
Аа, чи сайн сана. Манай хуаранд их л олон ирж байсан хүн дээ гэж өвгөн тойруулж хэлэв.
"Энэ өвгөнд арван хувийн хүү өгөх нь зүйтэй. Тэгвэл чалчих нь багасна..." хэмээн Чан дотроо бодлоо.

Хэдэн сарын өмнө дивизийн дарга Ван Ижо маршал Жан Сюэлянаас доорх утгатай нууц тушаал хүлээн авчээ:
"Зөвлөлт Орост олзонд байгаад эргэж ирсэн хятад цэргүүд тосгодоор хэсүүчлэн явж, үл бүтэх цуурхал тарааж байна. Коммунист суртал нэвтрүүлгийн энэ шинэ хэлбэртэй шийдвэртэй тэмцэх арга хэмжээ нэн даруй ав".
Мүгдэнгээс холгүй орших Фушунд гарсан зэвсэгт бослогыг анх сэдэж, зохион байгуулсан хүмүүс нь зөвлөлтөөс буцаж ирсэн олзны цэргүүд байсныг тушаалд дурджээ. Тэд фушуны коммун гэгчийг зарлан тунхаглажээ.
Энэ тушаалыг Чан мэдсэн бол зүрх нь түгшин чичрэх байсан биз.
Маршал Жан Золингийн нас барсны дараа жил Чаны алба хааж байсан дивизийг Хэйлунжян мөрөн буюу оросуудын ярьдгаар Амар мөрний эрэгт шилжүүлжээ. Нэгэн үе цэргүүд хийх юмгүй уйдахдаа хүүхдүүд чавхаар бор шувуу харвадаг шиг зөвлөлтийн хөлөг онгоц, чиргүүл, сал, загасчны завь руу буудаж зугаагаа гаргадаг байлаа. Дарга нар нь үүнийг өөгшүүлэн, оросууд хятадын төмөр замыг булаан авсан мэтээр ярьж, одоо тэр замыг эргүүлэн авах цаг болсон гэлцэнэ. Оросууд хариу бууддаггүй байсан нь хамгаас чухал байв. Гэтэл Амар мөрний өөр оросууд оросын онгоц, сал зэрэг ямар нэгэн байг арал, тохойн цаагуур далд орон ортол улайран буудна.
Гэтэл нэгэн удаа цэргүүдийг түгшүүр зарлан босгож, аяны цуваагаар явган баахан явуулж, дараа нь ачааны вагонд суулган нэг газар авчирчээ. Цэргүүд дайнд орж, ухарч зугтжээ.
Хайлаар хүртэл зугтаад, оросуудад гүйцэгдэн, цөм олзлогдсон ажээ.
Олзонд байхад дарга нарын ярьдаг шиг тийм ч муу биш ажээ. Хоол өгч, ажил хийлгээд, үдэш оройн цагаар олзныхныг өндөр нарсны ёроолд урт урт модон вандангийн ард сурагчид шиг суулгаад урт сунжруу яриа эхэлнэ. Чан олон зүйлийг ойлгохгүй, дорхноо ядарч, үдшийн хоолонд хэзээ аваачихыг илүүтэй бодон сууна. Гэлээ ч тархинд нь бага сага юм үлджээ... Үнэн, худлыг бүү мэд, оросууд өөрсдийн түхаог хөөсөн гэж ярьжээ. Газрын эздийг гэрээс нь хөөн зайлуулж, тариачид газрыг нь аваад, түрээс ч төлдөггүй гэнэ. Чан үүнд итгэсэнгүй...
Хятад цэргүүдийг хэдэн сар олзонд байлгаад нутаг буцаалаа. Чан Шаньсидаа очихоор шийдэв. Тэр жижигхэн Суныг мартсангүй, цагаан будааны талбайд урьдын адил хамт ажиллаж, өвдөг тулсан булингарт бүлээн усанд явж, торгомсог зөөлөн иш суулгаад, дараа нь цагаан будааны саарал ногоон найлзуур уснаас цухуйхыг харах юмсан гэж мөрөөдөж байв.
Чан гэртээ ирээд, хар багаас ижил дасал болсон төрөлх нутгаа таньсангүй. Өөр тосгонд ирсэн мэт санагджээ. Орон гэр нь байсан газар хоосон цулгуй болсон ажээ. Ни-хэ мөрөн ч нэрэндээ зохицсон мэт үнэхээрийн засаршгүй агаад одоо тосгоноос холуур урсан өнгөрөх болжээ. Нихэ голдрилоо өөрчлөн, урьд тармаг ой байсан газар руу булингарт шар усаа авч одно. Тариачид ч тэжээгчээ даган нүүдэллэж, шинэ эрэгт нь орон сууцаа барьжээ.
Айл хөршийнхөн Чаныг эхлээд таньсангүй, уулзалгүй хэчнээн ч жил болов доо. Эцэг нь аль эрт өөд болж, эх нь өнгөрсөн зуны их үерийн дараахан удалгүй бас талийгаач болсныг харамсан ярьцгаав. Дээд даланг сэтэлж орчин тойрныг нэлэнхүйд нь усан далай нөмөрчээ. Үерийн уршгаар өлсгөлөн ч эхэлжээ...
Жижигхэн Суны эцэг Чу өвгөн бас мөрний эрэгт нүүн ирж, урьдын адил загас барьдаг гэнэ, Чан зам заалгаж аваад загасчин өвгөнийд очихоор явлаа. Өвгөн эрэг дээр өөр шигээ өмхөрч муудсан завь засаж байв. Элс шажигнах чимээнээр Чу эргэн харж, үл таних хүний нүүр өөд нулимс цийлгэнэсэн хараа муутай нүдээр удаан ширтэв.
- Чу ахаа, та намайг бас танихгүй байна уу? Жижигхэн Сун яагаад үзэгдэхгүй байна? гэж Чан асуугаад элсэн дээр суув.
Өвгөн дахин лавлаж хараад
- Энэ чинь Чан уу даа? Чи охины минь тухай юу ч дуулаагүй юм уу... гэв.
Борооны үер даланг сэтэлж, гол савнаасаа хальж, тосгоныг бараг бүхэлд нь арчин, ургац сүйтгэснээс хойш хорин таван сар бараг өнгөрлөө. Хүмүүс мал мэт өвс идэж байлаа. Олон хүн өөр муж руу яваад эргэж ирсэнгүй. Тэд үхсэн ч байж магадгүй, шинэ газар суурьшсан ч байж магадгүй. Өвгөн хаана ч үхсэн ялгаа юу байх вэ гээд эндээ үлджээ. Өлсгөлөнгийн үеэр хятадаар сайн ярьдаг нэг япон хүн тосгонд ирж, нэхмэлийн үйлдвэрт хүүхнүүд элсүүлж эхлэв, Явах гэсэн хүн олон байсан боловч нөгөө япон хамгийн хөөрхөн хүүхнүүдийг сонгож авав. Тэр жижигхэн Суныг авч, оронд нь хорин лян буюу хэдэн шуудай цагаан будааны үнэ өгчээ, Сун сараана цэцэг шиг үзэсгэлэн гоо байлаа.
Тэр япон, хүүхнүүдийг төрсөн эцгийн адил халамжилж байгаад нэг жилийн дараа буцаана гэж ярьжээ.
Бүгд л тэр японыг бурхан илгээсэн мэт үзэж байв. Гэтэл хөөрхий ядуусын аз жаргал уй гашуу болон хувирав. Хэн ч эргэж ирсэнгүй, гагцхүү хажуу айлын охин муу өвчинд баригдан буцаж иржээ. Өвгөн Суныгаа өвчтэй ч хамаагүй эргэж ирүүлээч гэж тэнгэрт залбиравч, бурхан түүний залбирлыг дуулаагүй бололтой.
Хажуу айлын охины ярих нь, нөгөө япон хүн тэднийг том хөлөг онгоцонд суулган, далайн цаана Тайваньд аваачин, шөнийн цэнгээний газрын эздэд худалджээ. Одоо Сун Тайваньд сууж байж ч магадгүй, гэхдээ сураг чимээ ер өгөхгүй байв.
Өвгөн нэлээд удаан ярьсанд, Чаны царай улам бүр барайсаар байлаа.
- Иймэрхүү янзтай амьдарч байна даа. Бид тэнгэр бурхныг хилэгнүүлсэн бололтой. Газар гэрт оръё, хононо биз дээ. Хүү удахгүй талбайгаас ирнэ. Бусад нь цөм үхсэн...
Чаны юу хийх гэж байгааг өвгөн асуугаад, газрын эзнийд очиж, эхийнхээ ажиллаж байсан талбайг ацгаар өгөхийг гуй хэмээн түүнд зөвлөөд
- Энэ хүн бидний өлсгөлөнг далимдуулж багагүй идсэн юмдаг, доторхи мөс нь гэсэж юу магад гэв.
Чан нэг хоногийн дараа түхаогийн гадна хаалганы дэргэд удтал шоовдорлогдон зогсож, дотогш орох зөвшөөрөл арай чарай авав.
Чан нээлттэй гурван давхар дааман хаалгаар орж, эргэн харвал хүндээс хүнд түгжээнүүд харагдлаа. Хаалгуудыг түгжвэл доторхи хашаа нь халдашгүй дархан цайз болон хувирах ажээ. Жижиг сүмийг санагдуулам дээвэртэй дааман хаалганы дээр модон сийлбэр луунууд хажуугаар өнгөрсөн хүн бүхэн рүү шүдээ ярзайлган сүржин хэвтэнэ. Арслангийн толгойтой, яг ийм чулуун луунууд газарт, гадны хүн рүү үсрэхэд бэлхэн мэт сууцгаана.
Чан амьдралдаа ийм тансаг баялгийг үзээгүй ажээ. Хашааны голд усан оргилуур шожигноод, гайхалтай урт сүүлтэй алтан загас цөөрмийн гүн ногоон уснаа умбан наадна. Цөөрмийн дээрээс өнгийсөн хиймэл хадан хясаан дээр одой модод ургажээ. Хаданд сийлбэр хашлагатай, хурц улаанаар будсан нуман гүүр тулсан байв.
Хашааны хойморт, торгон лавир дор хүндэт Тай сийлбэрт сандал дээр хаан шиг заларч суулаа. Тэр манцгар цагаан гараа хатгамалт жинтүүн дээр тавьжээ. Хурууны үзүүр нь дэвүүрийн дэлгэгдсэн нимгэн урт гэрт нуугджээ. Онигор бүлцэн нүд нь модон луугийн нүд лугаа адил болгоомжтой ширтэнэ. Түхао уртаас урт хумсаараа онцгой бахархдаг бөгөөд ойр хавьд тийм хумстай хүнгүй ажээ. Гараа сарвуугаар дотогш нугалахад хумсны нь үзүүр тохойдоо хүрнэ. Энэ бол түүний гол ажил. Тариачид газар дээр нь цагаан будаа ургуулж байхад, түхао хумсаа ургуулж сууна. Энэ баян маяглах зангаасаа болж гараар юм хийж чаддаггүй учир зарц нараар хооллуулж, хувцаслуулна.
Чан өвдөг сөхрөн лавирт дөхөж, өөрийн хүсэлтийг түхаод илэрхийлэв.
- Аа, чиний муу эх арван пүн будаагий минь эргүүлж өгөлгүй нас барсан юм! Би өрөө төлөхийг эхэд чинь сануулж байсан. Одоо эхийн чинь өр чамд шилжих болно доо. Эхлээд будаагий минь авчирч өг, тэгээд газрын талаар ярилцъя.
Гэтэл Чан арван пүн будаа хаанаас олох юм бэ? Тэр загасчин өвгөний газар гэрт дахин хоёр хоноод Манжуур руу буцжээ. Чухам энэ үед, өөрсдийн түхаогийн газрыг булаан авсан оросын тариачдын тухай яриа Чаны сэтгэлд оржээ.
Тэгэхэд Чан, цэрэг Ма-пиньтэй дахин дайралджээ. Энэ явдал болхи хийцтэй шавар цамхагт ханан хашаатай эртний жижиг хотхонд болжээ. Нэгэн шөнө Ма-пинь түүнийг хотын захад байдаг эзгүй ганц байшинд дуудан аваачив. Шөнийн түнэр харанхуйд газар шингэн түүш асгасан мэт харлана. Тэнгэрт, уншихад бэрх дүрс үсэг лугаа адил одод анивчин гялалзах агаад, үүнээс болж газар улам ч хар болсон санагдана.
Харанхуй дунд хэдэн хүн хана налан газар шалан дээр суужээ. Тэдний гаанснаас улалзах галаар багцаалахад ханын дагуу долоон хүн байв. Тэд өөрсдийгөө Улаан Илд гэж нэрлэв. Ахлагч нь Ма-пинь бололтой. Тэр баривчлагдсан улсыг хоёр хоногийн дараа цаазлахаар зэхэж байгаа учир маргаашаас хэтрэлгүй шоронг дайрах хэрэгтэй гээд хэдий хир зэвсэг байгааг асуув. Харанхуйгаас нэг хүн
- Гучин зургаан винтов, мөн тийм тооны үрлэн сумт буу бий. Үлдсэн хүмүүсийг сэлэм, жадаар зэвсэглэнэ. Түүнээс гадна торхчин хоёр их буу хийсэн хэмээн хариулав,
- Тэр их буу чинь буудаж болох юм уу?
- Бололгүй яах вэ. Доголон Хо Зян голыг нь нарсаар төөнөж хийгээд арьсаар бүрсэн. Чулуу, төмрөөр буудаж болно.
- Тэгвэл маргааш шөнө дунд тохиролцсон газраа цугларъя. Гяндан, хошууны захиргаа хоёрыг зэрэг дайрах болно гэж Ма-пинь хэлэв.
Баривчлагдагсдыг маргааш нь хотын хаалганы дэргэд цаазалсан учир Улаан Илдтэний дайралт болсонгүй. Түүнээс хойш Чан Ма-пиньтэй уулзсангүй,
Чаныг хуарангийн үүднээ олны дунд зогсож байхад тархинд нь сүүлийн саруудын үйл явдал зурсхийн өнгөрлөө. Одоо Ма-пинь Чаныг үл таних гөлөрсөн нүдээр харж байв.
Гурван цэргийг байшингийн шал шиг дагтаршсан хуарангийн том хашаанд орох үес хэдийн нар гудайжээ. Хашааны буланд хэдэн цэрэг буу цэвэрлэдэг харуулдаагүй модон вандан дээр баахан өнгийн цаас овоолж жижиг худалдаачдад наймаалахаар цаасан дэнлүү, дэвүүр, цэцэг, тоглоом тэргүүтнийг хийж байв. Ингэж цалин дээрээ нэмэр хийдэг ажээ.
Мань гурав авчирсан юмаа ханзан доогуур шидээд, үдийн хоолноос үлдсэн, шошийн тосоор амт оруулсан хүйтэн будаа идэцгээв. Дараа нь үнгэгдсэн хуучин сүрэл цухуйсан гудсан дээр амарч хэвтлээ. Үдэш боллоо. Цэргүүд байрандаа бөөгнөж, зарим нь хөзөр тоглохоор сууж, зарим нь унтахаар хэвтэв. Цэргийн ор эгнүүлэн тавьсан урт хуарангийн дагуу байдаг гурван чийдэн асав. Чан Ян Сипаниас
- Чи тэгээд, надад мөнгө өгөх гэж байна уу? гэж асуув.
- За яах вэ, хэлэлцсэн ёсоор... Сар тутам арван хувийн хүүтэй шүү. Унтах болжээ, удахгүй Гириний галт тэрэг өнгөрнө.
Хуаранд цаггүй учир цэргүүд хажуугаар өнгөрөх галт тэргээр цаг хийдэг байв. Өглөөгүүр үүр цайснаас хойхно хойт зүгт өнгөрөх галт тэрэг тэднийг сэрээх бөгөөд үдшийн арван цагт Гиринээс Мүгдэн, цаашлаад өмнө зүгт одох хурдан галт тэрэг үүгээр тачигнан өнгөрнө. Хойт талын хуарангууд хотоос хэдэн километрийн зайнд, төмөр замын хажууханд байрладаг байв.
Намуухан, саруул шөнө болов. Дөнгөж сая мандсан сар түнэр харанхуйг сайтар гийгүүлж үл чадмой. Гэнэт хуарангаас холгүй дэлбэрэлтийн бөглүү чимээ шөнийн нам гүмийг цочоов. Цэргүүд чих тавин чагнав. Нам гүм болтол, удалгүй, түгжээтэй үүд нүдэх мэт үе үе винтовоор буудах чимээ дуулдлаа.
Японууд бас дахиад шөнийн сургууль хийж байна гэж нэг хүн хэлээд өндийв.
Энэ үед Гириний галт тэрэг гарч ирлээ. Галт тэрэгний чимээнд бууны дуу дарагдсан боловч, түүнийг өнгөрсний дараа дахин дуулдаж, нэгэн их чих дөжрөм тэсрэлт хуаранг донсолгов. Тэсрэлтийн араас хүчтэй галласанд, хүнд сумнууд хашаанд унаж, хэлтэрхий нь хуаран руу оров. Дутуу хувцастай, хөл нүцгэн цэргүүд буугаа ч авч чадалгүй үүд рүү ухасхийв. Гадаа харанхуйд төмөр замын зүгээс сум шүнгэнэн ирнэ. Пулемёт тачигнан гарав. Япон цэргүүд "Банзай" хашгиран хуаранд дөхөв.
1931 оны есдүгээр сарын 18-нд Мүгдэнгийн дэргэд болсон явдал ердөө л энэ. Гэвч энэ явдлыг хожим янз янзаар тайлбарлах болсон нь хэн ярьснаас хамаарах хэрэг.
Хойт хуарангуудад арваад мянган хүнтэй хятадын дивиз байрлаж байлаа. Дарга нь генерал Ван Ижо. Буудаж эхлэх үед штабын жижүүр генералд утасдаж, хуаранд базаахгүй явдал болж байгааг мэдэгдэв.
- Сургуультай адилгүй юм гэж жижүүрийн хэлснийг их бууны сумны тэсрэлт батлан өгөв.
Дивизийн командлагч түгшүүр зарлан цэргээ босгож, байдлыг тодруулахыг тушаагаад, өөрөө яаралтай штабт очно гэв. Гэвч генерал штабт хүрч чадсангүй, зугтсан олон цэргийн дунд хамагдан хуарангаас холдон холдсоор байв. Генерал хашгиравч, түүнийг харанхуйд үймэлдэн сандарсан олон цэрэг таньсангүй. Удалгүй тэр Хойт хуарангаас хэдхэн километр зайтай орших Пей Тейин тосгонд ирлээ. Японы далбаанаас буун ирсэн мэт гал улаан наран хүйтэн газар дээр мандаж, өглөө болсон хойно бие хамгаалагч нь генералаа олж уулзан, хоёул тариачны хувцас өмсөж, унаа дээрэмдэн, дайн болж байгаа нутгаас бөглүү замаар гарч, маршал Жан Сюэлянгийн өргөө байдаг умар зүгийг барьж явлаа.
Төмөр замын далан дээр дэлбэрэлт гарсан тэр шөнө, энэ тухай мэдэгдсэн даруй Квантуны армийн штабын офицер, хурандаа Итагаки будлиан гарсан тухай түгшүүрийн цахилгаан утас Порт-Артурт илгээв. Хурандаа магтаал хүртмээр шуурхай хөдөлжээ. Арван нэгэн цагийн эхээр дэлбэрэлт болсон байхад 11 цаг 45 минутад цэргийн шугамаар "Ри сын ман" буюу нууц гэсэн тэмдэгтэй албаны цахилгаан утас явжээ. "Өнөөдөр, есдүгээр сарын 18-ны шөнийн арван нэгэн цагт Хойт том Хуарангийн орчим Гирин-Бээжингийн төмөр замын даланг хятад цэргүүд эвдсэн тухай мэдээ хүлээн авлаа. Тэд манай хамгаалалтыг дайрсан учир одоо тэнд Мүгдэнгийн онцгой гарнизоны явган цэргийн батальон байлдаж байна. Итагаки".
Хагас цагийн дараа будлианы тухай арай дэлгэрэнгүй мэдээлсэн, мөн тийм гарын үсэгтэй, хоёр дахь цахилгаан утас Квантуны армийн штаб руу явсан нь:
"Хойт хуарангийн хятад цэргүүд Өмнөд Манжуурын төмөр замын даланг дэлбэллээ. Тэдний хүч гурав, дөрвөн рот. Манай нэг рот цэрэг үдшийн арван нэгэн цагаас дайсны давамгай их хүчтэй байлдаж байна. Дайсан этгээд хүчээ хуримтлуулж, гол төлөв пулемёт, хээрийн буугаар сэлбэгдэж байна. Ротын дарга, ахлах дэслэгч Нади хүндээр шархтав. Дайны ажиллагааг дэд хурандаа Кавамота удирдаж байна".
Квантуны армийн командлагч, дэслэгч генерал Хонжио Шигэрү энэ цахилгааныг уншсан даруй Мүгдэн рүү явлаа. Замд гарахаар дохио хүлээж байсан мэт түүний галт тэрэг бэлэн зэхээстэй байлаа. Маргааш нь Хонжио Мүгдэнд ирж, хотын төмөр замын буудалд өөрийн удирдах байрыг байрлуулав. Удалгүй Квантуны армийн бүх штаб Мүгдэнд нүүж ирлээ.
Командлагчтай уулзсан анхны хүн нь хурандаа Итагаки байв. Хоёулхнаа ярилцав. Хурандаа хажуугийн халааснаас лацадсан дугтуй гаргаж генерал Хонжиод өгөөд
- Хошууч генерал Чэчэкава энэ бичгийг жанжин штабаас авчирсан юм. Тэр энэ бичгийг албан ёсоор хүргээгүй, замдаа алга болсон гэж хэлэхийг хүссэн бөгөөд өөрөө энэ бичгийн талаар юу ч мэдэхгүй гэдгээ урьдчилан анхааруулсан гэв.
Квантуны армийн командлагч лацыг ховхолж, дугтуйг задлан уншиж эхлэв. Итагаки Хонжиогийн өмнө хүндэтгэлтэйеэ зогсон хүлээв.
Командлагч бичгийг уншаад, толгойгоороо сандлын түшлэг налан, хэдэн минут нүдээ анин суулаа. Энэ бичиг түүнд асар их хариуцлага ногдуулж байлаа.
- За яах вэ, энэ явдал миний санаачилгаар хийгдэх болно... гэж тэр хэлэв.
Дараа нь жижигхэн хавтгай хайрцагтай лавын чүдэнз авч зураад, саяын уншсан бичигт хүргэв. Голтой чүдэнз лаа адил удаан асав. Хонжио үнсийг цэнхэр тогосын зурагтай өндөр том шаазан саванд хийгээд, хуруугаа шүлсдэн норгож лавын чүдэнзийг унтраалаа.
- Генерал Чэчэкаваг албан ёсоор хэрэг явдалд оролцоогүй гэж найдаж байна.
- Тийм биш шүү... Тэр өчигдөр, өдрийн нэг цагийн суудлаар энгийн хувцастай ирээд, шууд буудалд буусан. Өдөржингөө дууч эмстэй байсан. Мүгдэнд түүний ирснийг хэн ч мэдээгүй.
- Маш сайн... Хашир Чэчэкаваг мэднэ!.. За, тэгээд будлиан болсон газар ямар байдалтай байна вэ? гэж Хонжио асуулаа.
- Арван мянга гаруй хүнтэй хятадын долдугаар бригад Мүгдэнгээс хойш Хойт том хуаранд байрлаж байлаа. Дайсан хорь дахин илүү хүчтэй байв. Манай хүч гэвэл таван зуугаад цэрэг. Гэвч бид гэнэдүүлэн цохихоор шийдэж, дайсны бригадыг бут ниргэв. Хятадын тал гурван зуун тавин хүнээр хохирсон. Манай талаас долоон хүн алагдаж, арван хоёр хүн шархадсан.
Итагаки цэргийн хүний товч тодорхой хэлээр ярив.
- Таны анхны амжилтад баяр хүргэе гээд Хонжио ширээний араас босож - Бид цөм эзэн хааны замаар явж байна. Би дайны ажиллагааг эхлэхийг тушааж байна. Фушуны цэрэг өнөө орой ирнэ. Тэд вагонд суугаад дохио хүлээж байгаа. Солонгосоос ирэх цэрэг маргааш Ялаг гаталж, Манжуурт орох болно.
Итагаки Хонжиог бахархан харав. Дайн болох нь тэр. Засгийн газрын танхим мэдээгүй дайн гарлаа. Японы хувь заяаг армийнхан шийдэж эхлэв.
Итагакийн бодолд хариулах мэт Хонжио хэлсэн нь:
- Дайн хэзээ эхлэхийг цэргийнхэн шийдэх ёстой...
Дайны ажиллагааг эхэлсэнтэй холбогдуулж Квантуны армийн штаб Порт-Артураас Мүгдэнд шилжиж ирэв.
Штабын офицер хурандаа Итагаки Хойт хуарангийн районоос шинэ мэдээ ирэхийг тэсэж ядан хүлээж байв. Тэр энэ шөнө цэргийн гарнизоны штаб байр болон хувирсан японы цэргийн төлөөлөгчийн газар сууж байлаа. Түүний хамт Мүгдэн дэх японы тусгай төлөөлөгчийн газрыг толгойлж буй хурандаа Доихара Кэнжи байв. Жирийн хэлэнд хөрвүүлбэл, энэ нь Доихара Мүгдэнд тагнуулчдыг удирдаж байгааг хэлж буй хэрэг. Доихара Манжуурт бас саявтархан ирсэн бөгөөд замдаа яаралтай, нууц ажлаар Танжинд саатсан ажээ.
Итагаки, Доихара хэмээх энэ хоёр хүн Ази тивийн аль нэг цэгт үзэгдвээс тун ихийг өгүүлэх бүлгээ. Хоёул юм уу, эсвэл хэн нэг нь үзэгдсэн газарт заавал ямар нэгэн явдал гарна. Доихара нуруугаар өндөргүй, цээж өргөн ажээ. Машиндсан богино үс нь өргөн том дух, унжсан гэдэстэй дэлдэн том чихийг илэрхий содон болгоно. Угаараа нарийн, самсаа өргөн хамар нь түүний царайг эгэл жирийн харагдуулах бөгөөд ярилцагч хүнийхээ өөдөөс хайхрамжгүй мэт ширтсэн нүд нь оюун ухааны доголдлыг үл илтгэнэ. Харин ч Доихарагийн энэ хээгүй энгийн царай, хайхрамжгүй харц нь түүний хүч чадал, хуншгүй заль, хэмхэлдэн буй бух нохойн адил улангассан чанарыг далдлан нуух бүлгээ. Тэр японы офицерууд бүх Приморье Өвөр Байгалаар чөлөөтэй сэлгүүцэж байсан тэр үед нармай монголын бага хурал хуралдуулах ажлаар Даурт очиж байснаас гадна барон Унгерний зөвлөх болж, түүнд буддын шашинд орж, монгол эхнэр авч, нэр алдраа өргөхийг зөвлөж явлаа. Тэр амжилтгүй явдалдаа үл гутран хэсэг хугацаа өнгөрсний дараа Итагакийн хамт Владивостокт Меркуловыг эргэлт хийхэд бэлтгэж, бас хэдэн жилийн хойно Жан Золинг хорооход оролцжээ.
Итагакийн гадаад байдал гэвэл, нуруугаар өндөр, том биетэй, үл хөдлөх хар хөмсөг, хар цаас наасан мэт нимгэн ширвээ сахалтай, том дугуй царайтай хүн байв. Итагаки Сэйширогийн гадаад байдлыг хянуур хоёр нүдийг нь заагласан угаараа өргөн хамар, хазах гэж буй мориных шиг хулмагар чих улам ч тодруулна.
Утас дуугармагц, Итагаки яаран авбал, түүний хүлээж байсан газраас биш, Мүгдэнд суугаа японы ерөнхий консул утасдаж, Өмнөд-Манжуурын замд дэлбэрэлт гарсан мэдээ нотлогдож байгаа эсэхийг асуув.
- Нотлогдож байна гэж Итагаки хэлэв.
- Гарнизоны дарга ямар арга хэмжээ авах бодолтой байгааг мэдэж болохсон болов уу? гэж консул эелдэгхэн асуув.
- Хятадын өдөөн хатгалгыг шийдвэртэй таслан зогсоох тушаалыг би өгч тэдний хуаранг довтолсон.
Консул түр түгдрэв,
- Уучлаарай, та гарнизоны дарга биш шүү дээ... Юуны учир та өөрийгөө толгой даан ингэж шийдэх эрхтэй гэж үзэв? Бид өөр бодлоготой байгаа шүү дээ. Гадаад явдлын яам мөргөлдөөн гарахаас аль болохоор зайлсхийж байна. Шидэхара сайд...
- Ноён ерөнхий консул, та нар ямар ч бодлого баримталж болно, гэхдээ тухайн асуудлыг цэргийн захиргаа шийдвэрлэнэ. Дипломатын үе өнгөрсөн.
- Тэгвэл, ноён хурандаа таныг консулын газар хүрэлцэн ирж ярилцахыг гуйж байна. Байдал ярвигтай учир хэрэг явдал яаж эргэх нь бидэнд хамаагүй биш.
- Чухамхүү байдал ярвигтай учир би эндээс хөндийрөх боломжгүй байна... Дуртай бол өөрөө ирнэ үү, гэхдээ одоо цаг орой болсон тул өглөө болтол хүлээхийг зөвлөмөөр байна. Ноён ерөнхий консул, тавтай амраарай... Би өөр утсаар ярих хэрэгтэй болсон тул намайг уучлаарай.
Итагаки утсыг өлгөв.
- Танд энэ ямар санагдаж байна? Дипломатууд бидэнд дахин саад хийх гэж байна. Эдний болгоомжлол миний уурыг хүргэх боллоо гэж яриаг сонсож суусан Доихарад хандан хэлэв.
- Тэднийг үйл явдлаас хөндийрүүлэх нь зүйтэй гэж би бодож байна.
- Би үүнийг чинь хийх болно. Юуны ч өмнө зогсохгүй... Доихара-сан, та яагаад дэлбэрэлтээр сүйрэл гараагүйг хэлж өгөөч. Гириний галт тэрэг Мүгдэнд цагтаа ирсэн байна.
- Энд хэн буруутайг мэдэхгүй. Урьдаас бүгдийг бодсон л юмдаг, гэхдээ одоо нэгэнт будлиан гарсан хойно энэ ач холбогдлоо алдсан.
Утасны хонх дахин дуугарав. Дайсан этгээд эсэргүүцэлгүй зугтааж, араас нь хүнд буугаар галласан хэвээр гэж Хойт хуарангийн орчмоос илтгэв.
- Их бууны галыг онгоцны буудал руу шилжүүл хэмээн хурандаа тушаал өгөв.
Ерөнхий консул, штабын офицер Итагакийн доромжилсон аястай ярианд гайхаж хоцров. Тэр тэгж ярих ямар эрхтэй юм бэ? Цэргийнхэнтэй үг хэлээ ололцохгүй бол болохгүй, эс тэгвэл тэд мундраа хутгаж, хожим түүнийг нь засах ажил гадаад явдлын яаманд ногдох болно... Консул бууриа хадгалж, цэргийн төлөөлөгчдийн газарт очихгүй гэж шийдэж, өөрийн орлогч Моришимаг явуулав.
Хэдэн минутын дараа дэд консул төлөөлөгчийн газар очлоо. Итагаки угтан босож, харилцан хуурай мэхэсхийн мэндэлцгээлээ.
Мөргөлдөөнийг хамтран арилгах талаар цэргийн захиргаатай тохиролцохыг ноён ерөнхий консул надад даалгасан юм гэж Моришима хэлэв.
- Бид энэ асуудлаар ажиллаж, арван мянган хятад цэргийг Хойт том хуарангаас хөөгөөд байна.
- Бид мөргөлдөөнийг тайван замаар зохицуулбал зүгээрсэн. Ноён консул туслахад бэлэн байна.
- Түүний тусламж хэрэггүй. Дипломатын үе ул болж, үр дүнгээ өгөхгүй болсон гэдгийг түрүүн ерөнхий консулд хэлсэн юмсан. Дээд ерөнхий командлалын хэрэгт оролцохгүй байхыг бид гуйж байна.
Моришима өөрийнхөөрөө зүтгэсээр байв. Итагаки уурлан босож, самурайн нимгэн сэлмээ суга татан, толгой дээгүүр эргүүлээд, хажуу талаар нь ширээ цохив.
- Бид эзэн хааны зам, Кондогоор замнан явж байна. Садаа болсон хэнийг боловч бүшидогийн зарлигийн дагуу зайлуулах болно гэдгийг ерөнхий консулд хэлээрэй. Миний хэлэх үг дууслаа гээд Итагаки сэлмээ хуйд нь хийв.
Моришима айн, үүд рүү алхлаа.
- Тэгвэл... Тэгвэл... гэж тэр балмагдан бувтнав. Нүдэнд нь хурандаа Итагаки самурайн сэлмээ чийдэнгийн гэрэлд гялалзуулан толгой дээрээ эргүүлж буй нь харагдсаар байв.
Моришимаг явсан хойно, Итагаки юу ч болоогүй мэт Доихарагаас
- Мань хүнийг айлгаж орхив уу даа? гэж асуув.
Хурандаа Итагаки Сэйширо юм бүхнийг ухаантай, зоримог хийж байлаа. Ямар нэгэн зүйлийг сэтгэлийн хөдлөлөөр хэзээ ч үл хийнэ...
Моришима хурандаа Итагакитай уулзсан уулзалт үр дүнгүй болсныг ерөнхий консулд мэдэгдэв. Ерөнхий консул Токио руу яаралтай цахилгаан утас явууллаа.
"Гадаад явдлын яам - Шидэхарад. Шифр нууц.
Жанжин штабын хоёрдугаар хэлтсийн ажилтан, хошууч генерал Чэчэкава есдүгээр сарын арван наймны өдрийн нэг цагт галт тэргээр Мүгдэнд нууцаар ирсэн дуулдана. Чэчэкавагийн ирснийг цэргийн захиргааныхан нууж байна. Өмнөд Манжуурын төмөр замын компанийн салбарын захирал ноён Кимүрагийн баттай мэдээнээс үзвэл, хятадууд төмөр замын даланг дэлбэлсний дараахан, тийш нь засварын замчдыг явуулжээ. Цэргийнхэн дэлбэрэлт болсон байранд тэдний ойртохыг хориглосон байна. Энэ хоёр явдлыг харьцуулан үзэхэд будлианыг цэргийнхэн гаргасан гэж бодмоор. Хурандаа Итагаки болсон асуудлын талаар ярилцахаас зайлж байна. Доихара Итагаки хоёр Манжуурт болж буй үйл явдлын төвд байгаа нь эргэлзээгүй".
Шидэхара сайд цахилгааныг уншаад, өөрийнх нь мэдээгүй байхад ийм явдал болж буйд уур нь хүрч, жанжин штабт утасдаж, дургүйцлээ илэрхийллээ. Штабын дарга уучлал гуйж, өөрөө биечлэн шалгахаа илэрхийлэв. Ямар нэгэн эндүүрэл гарснаас өөр юу шалиа аж.
Сайдын утасдсан өдөр, нэг цагийн дараа жанжин штабын даргын гарын үсэгтэй нууц цахилгаан утас Мүгдэн рүү явлаа.
"Мүгдэнд суугаа дипломат төлөөлөгчийн газрын зарим хүмүүс Токиод армийн үйл ажиллагааны талаар үндэсгүй мэдээ ирүүлж байна. Үүний уг сурвалжийг олж, иймэрхүү явдлыг зогсооход хамаг хүчээ дайчил". Энэ бол Шидэхара сайдыг шийтгэсэн шийтгэл байлаа. Бушидогийн хуулинд улс төрийн зорилгоор хүн алахыг гэмт хэрэгт үл тооцдог ажээ.
[/left][/size]

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:02 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ИТАГАКИ ЗОРГЕГ МЭДЭЭГЭЭР ХАНГАСАН НЬ

Макс Клаузенг намар орой Шанхайд будаж ирэхэд холбоо бүтэлгүй болсон тухай өөдгүй мэдээ угтав. Тэр Мишиний хамт засварын газар өдөржин ажиллаж, хүмүүст үйлчлэх бөгөөд зав чөлөө гаргаж дамжуулагчтай ноцолдоно. Түүний өмнөх холбоочин туршлагагүй хүн байсан тул Хабаровсктай тогтмол холбоо барьж чадахгүй, мэдээг элчээр дамжуулж байв. Энэ нь нууц ажиллагчдын ажлыг хүндрүүлж, аюулыг нэмж байлаа. Зорге бухимдан, дамжуулагчийг яаруулж байв.
Макс Манжуураас аппаратаа авчирч амжаагүйдээ харамсана. Аваад ирэх гэж байтал, нааш гарахын өмнөхөн радио дамжуулагчийг байранд нь үлдээ гэсэн шийдвэр очжээ. Одоо тэр аппаратан дээр өөр хүн ажиллаж байхад, Клаузен энд, модон дугуй зохион бүтээх гэж суулаа...
Дамжуулагч хийхэд хэрэгтэй, олоход хялбар материалыг хүн амьтанд сэжиг төрүүлчихгүйгээр, туйлаас болгоомжтой цуглуулав. Түлхүүрийг махны модон дээр зоож, конденсаторыг юугаар хийснийг бурхан мэднэ. Хайрцгийг английн "Липтон" хэмээх пүүсийн тэмдэгтэй цайны хайрцагны сарампай модоор хийлээ.
"Эрт галавын хүмүүс шиг амьдарч байна" гэж Клаузен сүүний хоосон шилэнд ороомог ороохдоо үглэнэ. Мишин тэр хоёр материалд ээлжээр явна. Константин сүрьеэ өвчнөөр өвчлөөд нэлээд удаж, бие нь турж, царай нь цонхийж, хацар нь унжсан боловч бусдаас болон өөрөөсөө өвчнөө цаг ямагт нууна. Өвөр Байгалд холбооны ротод байхдаа, шархтаж, гадаа хүйтэнд хонож даарснаас өвчин үүссэн гэж үздэг байв. Түүнийг ухаангүй байхад японы хөлөг онгоцоор хятадад авчирчээ. Тэр эх нутгаасаа харь алсад, Тянжингийн цэргийн эмнэлэгт ухаан оров. Олон жил гачигдал зовлон амсаж, Тайваньд хар бор ажил, ачаа зөөгч, орос худалдаачны жижиглэн худалдаа зэргийг хийж явжээ. Дараа нь эх газарт ирж, Орос орныг мөрөөдөн, хувь заяагаа хараан зүхдэг байв. Өвөр Байгалд байх үеийн танил, бас дүрвэж ирсэн нэг найз нь Мишинийг Орос руу зугтъя гэж олон дахин ятгажээ. Ердөө л шөнө хил даваад болох нь тэр. Тэднийг тэгээд яах бол? За яах вэ, эхлээд шоронд хорьж, дараа нь суллана, зэвүүн муухай Харбинд буцаахгүй нь лавтай... Мишин ингэж зүрхэлсэнгүй, харин нөхөр нь яваад өгчээ.
Гэлээ ч Мишин өөрсдийн хүмүүстэй нийлжээ. Одоо төрсөн нутаг Тамбовшинадаа очих найдвар сүүмэлзэх болов... Ажил хийж, даалгавар биелүүлээд Орост буцна. Рихард амласандаа хүрнэ, харин бие л хүрээсэй...
Мишин хятад хэл сайн мэдэх тул дамжуулагчид хэрэгтэй юмыг хялбар олов. Тэд хятад дархчуулын хог новш, хуучин захын элдэв юмс ухаж, техникийн талаар санаанд оромгүй ухаан сийлэв.
Радио дамжуулагч бэлэн боллоо. Тооцоолж, төлөвлөснөөр хүчтэй станц болох ёстой байтал тун муу ажиллаж байлаа.
Клаузен тархиа гашилтал элдэв янзаар оролдож, схемийг өөрчлөвч, дамжуулагч дөнгөж "Висбаден" буюу Хабаровск хүрч, зөвлөлтийн радио холбоочин бараг дуулахгүй байв.
- Антенд хамаг учир байгаа юм биш биз. Өндөр антен хийвэл... гэж бүтэлгүй явдалд урам хугарсан Мишин хэлэв.
Клаузен ч бас энэ тухай бодож байлаа. Тэр нэг давхарт суудаг бөгөөд радио дамжуулагчийг гудамд тавьжээ. Антеныг дээвэр дээр гаргавал зүгээрсэн, гэтэл олны нүдэн дээр яаж болох вэ дээ.
Борденг хэмээх нэртэй дани юм уу швед эхнэр нөхөр хоёрын мэдэлд байдаг энэ байшингийн дээд давхарт ганц бие фин эмэгтэй Валениус суудаг байв. Анна Валениус өөртэй нь байраа солихгүй юм болов уу гэж Макс бодов. Тэгвэл аппараттайгаа хамт өгсөх юмсанж...
Хэлэлцээ удаан явагдлаа. Макс фру Валениусынд хэд дахин очиж, англиар там тум учирлан ярьсанд энэ герман залуу юунд дээд давхарт шилжин суух хэрэгтэй болсны учрыг Анна олигтой сайн ойлгосонгүй. Макс элдэв шалтаг олж, ярианы сэдвийг өөрчлөн, Аннаг кинонд урьж, танил хятадын ресторанд дагуулж очдог болов. Одоо Клаузенг ажил төрлийн бодлоос гадна, английн шашны нийгэмлэгийн цэргийн эмнэлэгт өвчтөн сахидаг Анна Валениус эзэмдэн хөтлөх болжээ. Түүний эелдэг, туйлбартай зан чанар, гэр орны ажилд сүрхий сайн нь Максын сэтгэлд нийцэж, богинохон хөмсөгтэй цайлган, дулаан царай сэтгэлийг нь татжээ. Тэр гадна байдлаар финтэй адилгүй ажээ.
Тэгж тэгж Анна Валениус байраа солихыг зөвшөөрөв. Клаузен Мишиний хамт хүүхний юмыг зааж, өөрийн юмыг гурван давхарт зөөж гаргав. Одоо түүний мэдэлд хоёр өрөө байр, бас хамгийн чухал нь дээвэр байв. Тэнд угаасан юм тохдог хэц маягтайгаар антен татав. Тэгтэл радио дамжуулагч туйлаас сайн ажиллаж, бөөн баяр болов!
Анна Валениустай байр солилцсоноор харилцаа дууссангүй. Макс зав л гарвал Аннагийнд очиж, гаргаж өгтөл нь орой болтол суудаг болов.
Далайчин явсан үүх түүхээсээ сонирхолтой ярьдаг засварын газрын эзэн, хүдэр чийрэг энэ герман, залуу эмэгтэйн сэтгэлд бас нийцсэн бололтой. Хүүхэн түүнийг цайгаар дайлж хамт байхдаа дуртай. Заримдаа галуун хүзүүт авч, хөөсөрсөн хүйтэн пиво авчирна...
Нэгэн удаа Анна Макст нууцаа дэлгэн, фин биш орос хүн гэдгээ хэлж, амьдралаа ярьжээ. Арван тав, зургаатайдаа Новониколаевын худалдаачин Поповынд хүмүүжих нэрээр гал зуухны ажилд зарагдаж байжээ. Худалдаачин төмөр замын барилгад материал нийлүүлж байгаад Алс Сибирьт Обь мөрний эрэгт орших жижиг хотод үлдэж суурьшжээ. Анна тэнд төрж, жинхэнэ сибирийн хүн болон өсчээ. Гэвч хувь заяа нь ээдрээтэй замаар оржээ. Иргэний дайны үед Колчакийг дорно зүгт ухрахад "хууччуул" цөм дагалдав. Худалдаачин Попов гэр бүл, зарц барлагийнхаа хамт Харбинд иржээ. Ийнхүү Анна Жданкова хил давж, хятадад иржээ. Дараа нь фин офицертэй гэр бүл болж, хатагтай Валениус гэгдэх болов. Нөхөр нь хоёр дахин ах байсан ба Хятадад дамын наймаа хийж амьдарч байгаад хоосорч, дахин хөл дээрээ тогтсоноо, улам уруудсаар архинд орж, амьдрал нь зовлон болж Анна тэссэнгүй салав. Удалгүй нөхөр нь нас барж, бүр ганцаар үлджээ. Шанхайд сууж, өвчтөн сахигчаар ажиллаж, юм оёдог болжээ. Хүмүүс түүнийг фин хүүхэнд тооцох бөгөөд өөрөө ч үүнийг үл няцаана.
Клаузен Рихардтай уулзаад, шилээ маажин хэлсэн нь:
- Рихард аа, би гэрлэмээр байна. Чи юу гэж бодож байна?...
- Чи гэрлэх гэж байгаа юм уу? Хэнтэй тэр вэ?..
Макс Анна Валениусын тухай мэддэг бүхнээ ярив.
Нууц ажлын үед бүлэглэлийн гишүүдийн хэн нэг нь гэрлэнэ гэдэг амаргүй хэрэг. Зорге бодлогошров.
- За чи, намайг Аннатай танилцуул гэж тэр хэлэв.
Гурвуул "Астор" ресторанд уулзаж оройжингоо ярилцаж, бүжиглэцгээв. Анна мөнгөн саатай үдшийн хар даашинз өмссөн нь гойд зохижээ. Тэр хөгжөөн наргиантай, ухаалаг, тогтуун хүүхэн тул Рихардын сэтгэлд нийцжээ. Гэлээ ч Рихард хүүхнийг шалгаж, өөрийн холбоочны санал хүсэлтийг зөвшөөртлөө хэсэг хугацаа өнгөрүүлжээ.
- Макс аа, чамд аз жаргал, сайн хөвөхийг хүсэн ерөөе гэж алс далайн замд үдэн мордуулж байгаа мэт Рихард Клаузены мөрөн дээр алгадаад
- Ажлын талаар үг цухуйлгаж болохгүй. Бүр болохгүй бол өөрийгөө хятадын Улаан армийн тэмцэлтэй холбогдсон онцгой даалгавар биелүүлж байгаа фашизмыг эсэргүүцэгч гэж хэлээрэй гэв.
Анна гурван давхарт буцаж Макс Клаузентай нийлж суув. Залуу эмэгтэй улс төрийн бодлогоос хол хөндий байсан ч нөхөртөө учрыг сайн мэдэлгүй улам бүр туслах болов. Макс ямар нэг зүйлийг хийх хэрэгтэй болоод л хийж байгаа юм...

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:03 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Рихард Зорге Хятадад атаман Семеновоор толгойлуулсан цагаан гвардийнхантай танилцах хэрэгтэй байв. Константин Мишин тэдэнтэй танилцууллаа.
Цагаачид Зоргегийн байрнаас холгүй, Жоффр авенюд орших, штабс-ахмад Ткаченкогийн чийг даасан ханатай, газар доорх зуушны газарт цугларна. "Гол байр" хэмээн дүрвэгчдийн өргөмжлөн нэрлэсэн клуб нь зоогийн газрын ар талд, агуулах байсан газар байрлаж байв.
Нүүрэн талын буланд, гайхамшгийг бүтээгч Николай бурхантай хуучин алтан гүнгэрваа дүүжилж, дэргэд нь хананд II Николай хааны хөргийг байрлуулж, доод талд нь Георгиевын туузтай хоёр сэлэм зөрүүлжээ. "Гол байранд" гагцхүү шилмэл хүмүүс орох бөгөөд бусад нь үгүйрэн хоосорсон сүмийн үүдний өрөөг санагдуулам тааз, хагас дугуй цонхтой том танхимд цугларна. Танхимын голд байх бяцхан тайзнаа төгөлдөр хуур байна. Ахимаг насны авгай төгөлдөр хууранд эртний романс оруулан дуулахад хүмүүс эрүүгээ тулан уйтгарлан сонсох бөгөөд согтоод ирмэгц "Бурхан сахиус минь хаанаа хамгаал..." гэж дуулж эхэлнэ.
Заримдаа зоогийн газар дуучин Вертинский үнэтэй үнэртэй ус ханхлуулан, алтан бөгж зүүсэн гоё сайхан хүн орж ирнэ. Шанхайн хамгийн чамин дуучин гэгдэж, цагаачдын дундаас илүү сайн амьдарч яваа түүнийг атаархан харцгаана. Жүжигчин эр шарсан хавирга захиалж, пиво, смирновын архи шавиагаа ханатал ууж, итгэл төгс чанга чанга ярьж, хөхөрч баясна. Заримдаа тэр нөхдийн хүсэлтийг зөвшөөрч, үнэгүй дуулна. Гол төлөв нэг дуугаар эхлэн дуулна:
Унасан нутгийн зүг одсон
Улаан замыг гуниглан ширтнэм...
Вертинский алсад үлдсэн эх орон, өнгөрсөн цаг мөч, залхуут халуун орны тухай уйтгарт дуугаар өөрийн болон бусдын сэтгэлийг хямруулчихаад явна.
Штабс-ахмад Ткаченкогийн зоогийн газарт цугларсан хүмүүс Александр Жонсонд онцгой анхаарал тавин саймширч, цаг үргэлж гачигдал дутагдлаа тоочиж, гэр бүлийн үймээн самуунд дургүйцэн, өнгөрсөн явдлаа хөөргөн магтана. Заримдаа ялимгүй хөрөнгө шаардлагатай ашигтай ажил явдалд оролцохыг санал болгоно... Рихард цагаачдын элдэв яриаг үл шохоорхсон байдлаар хайхрамжгүй сонсож, наргих дуртай, хээгүй америк эрийн дүрд тоглоно. Гэхдээ мөнгөнийхөө хэмжээг мэднэ. Заримдаа хэн нэгний өмнөөс мөнгө төлж, зарим нэгэнд зээлдүүлэвч, үрэлгэн нэр олчихгүйг бодож бага сагаар өгнө. Энд хүмүүс мистер Жонсонг өөрийн дадал заншил хачин зангаа гаргахад хүлцэнгүй өнгөрүүлнэ Тэр, цөмөөр ид архидан хөгжиж байх үес, гэнэт шөнө дунд төгөлдөр хуурч эмэгтэйгээс гуйж Иоганн Себастьян Бахын хөгжим тоглуулж, бодлого болон сонсож, танхимд өчүүхэн төдий чимээ шуугиан гарвал таслан зогсоож байлаа. Гэтэл баярын сүрлэт хөгжмийн эгшгэнд бүжиглэхийг оролдож яруу сайхан аялгууг үл тоомсорлосон согтуу цагаантныг түлхэн гаргав. Хөгжим төгсөхөд, Рихард Бахын зохиолыг тоглож өгсөн эмэгтэйн гарыг очиж үнсээд, төгөлдөр хууран дээр хэдэн ногоон долларын дэвсгэр тавилаа. Үүнийг цөм ажиглаж байв. Сурвалжит охидын институт төгссөн хөгжимчин хүүхэн баярлаж царай нь улайв.
Эд нар оросоор ярилцавч, Рихард ганц ч орос үг дуугаралгүй, орос хэл мэддэгээ нүүр царайны хөдөлгөөнөөрөө ч үл мэдэгдэж, хэнэггүй царайлан сууна...
Энд атаман Семенов ч ирдэг байв. Бухынх шиг бүдүүн хүзүүтэй, лагс том биетэй, Кайзер Вильгельмийнх шиг сөрвөгөр ширвээ сахалтай энэ атаман нэг удаа Зоргегийн сууж байсан нийтийн ширээнд суув. Тэр монгол царайтай, морин цэргийн майга хөлтэй хүн байв. Атаманы хамт, оросын сүүлчийн хааны бие хамгаалагч байсан, цонхигор зэвхий царайтай, барон Сухантон ирэв. Барон Сухантон, хэдийгээр англи хэл мэдэхгүй атаманы дэргэд байгаа ч англиар ярьж эхлэв. Энд Рихардыг америкийн сурвалжлагч гэж боддог байжээ.
Семенов иргэний дайны үед большевикуудтай дайтаж явсан Өвөр Байгал, Орос орны тухай "Мистер Жонсонд" ярьж эхэлтэл, Зорге түүний үгийг үл анхааран
- Энэ бүхэн үеэ өнгөрөөж, оросын дүрвэлт аль хэдийн түүхийн тавцнаас арилсан биз дээ гэж хэлэв.
Сэтгүүлчийн үг атаманыг хөнджээ. Тэр эсэргүүцэж, Причорье, Өвөр Байгалд орос улсыг тэргүүлэх ёстой байсан атаман Семенов дэргэдээ суугааг мистер Жонсон мэдэж байгаа юм уу!.. гэв.
- Та, тэгээд улсын тэргүүн болоогүй шүү дээ. Большевикууд та нараас хүчтэй гэж Зорге хэлээд тавьчихав.
- Яагаад? Яагаад? Намайг дэмжээгүй юм. Англи, америкчууд хамгийн түрүүн Владивостокийг орхиж явсан... гэж атаман бухимдан хэлэв.
Сухантон ярианд оролцож
- Харав уу, атаман Григорий Михайлович Семеновыг большевиктой дайтсан бүх орон дэмжсэн юм. Гэхдээ японы армитай илүү хэлхээ холбоотой байсан. Сибирьт цэрэг командалж явсан, Квантуны армийн командлагч, генерал Тачибана атаман Семеновыг дэмжихээ өөрөө илэрхийлж, үүнийг нь японы засгийн газрын өмнөөс Мацүдайра гүн баталсан юм. Бидэнд мөнгө, зэвсэг, хэрэглэл өгөхөөр амлаж билээ... гэв.
- Та нарт амласан аль юмыг тэр гэх вэ дээ гэж Зорге хайхрамжгүй хэлээд, энэ сэдвийг сонирхдоггүйн тэмдэг болгож өөр зүйлд яриаг шилжүүлэв.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:04 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Хожим тэр хоёр санаандгүй хэд дахин уулзалджээ. Атаман Семенов улам бүр илэн далангүй ярьж, Алс Дорнодын дайралтыг ултайхан төгсгөөгүй америкчуудыг зэмлэв. Түүний бодлоор ултай төгсгөнө гэдэг нь Приморье, Өвөр Байгалд "оросын цагаачдын эрүүл хүчинд" түшиглэн шинэ улсыг байгуулахыг хэлжээ. Семенов япончуудыг магтан тэдэнтэй уулзаж учирч явснаа дурсан, одоо болтол найрсаг харилцаатай байдаг генерал Аракийг хүндэтгэн ярив. Бас үгийн далимд америкийн тодорхой хэсэгт орчин үеийн улс төрийн байдлыг мэдээлбэл зүгээрсэн гэсэн үгийг болгоомжтой шургуулав. Атаман Семенов одоо болтол Өвөр Байгалын шинэ улсын төрийн тэргүүнд нэр нь дэвших цорын ганц хүн гэгдэж байгаа учир эртнээс америкчуудтай ажил төрлийн харилцаа тогтооход дургүйцэх юу байх вэ. Энэ нь ирээдүйд ашгаа хэд дахин өгч, америкчууд хоосон хоцрохгүй болно.
Японы генерал Аракийн хөхүүлэн дэмжиж буй цагаантны шинэ хуйвалдааны дүр зураг Рихард Зоргед улам бүр дэлгэгдсээр байв.
Атаман Семенов Хойт хятадад Жан Золин, дараа нь Жаи Сюэлянгийн нууц ивгээлээр 12-15 мянган морин цэрэг байлгаж байв. Энд гол дүрд япончууд тоглож, атаманд зэвсэг нийлүүлж, мөнгөн зээл олгож байлаа. Гэсэн ч мөнгө хүрэлцэхгүйгээс Семенов мөнгөтэй болох өөр арга зам сүвэгчилж байв. Зоргегийн ойлгосноор, хэрэгтэй үед Семеновын цэрэг зөвлөлтийн хилийг гатлан, Якутск хотын чиглэлд шийдвэртэй дайралт хийж, дараа нь Лена мөрний сав газраас өмнө зүгт, Байгалыг цохиж, Сибирийн төмөр замыг таслах төлөвлөгөөг японы жанжин штабт боловсруулжээ. Атаманд, холбоо тогтоож, олон зүйлийг хэлэлцэн тохиролцсон буриад, монголын ноёд туслах ажээ.
Яриа, II Николай хааны хөрөгтэй "гол байранд" болжээ. Зөвлөлтийн Өвөр Байгалын газрын зураг дэлгэсэн том ширээний ард ганзай архи уун, алс дорнодын асуудлаар ярилцаж суулаа. Генерал Араки төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэндүү аажуурч, зардал мөнгөнд гар татаж байгаагаас үзвэл японы цэргийн нөхөд өөрсдийн боловсруулсан хувилбартаа сонирхолгүй болоо юу гэсэн сэтгэгдэл төрүүлэх болсонд атаман дурамжхан байлаа. Атаман Семенов ирээдүйн сибирийн дайны жанжны хувьд ганц өөрийн 15 мянган морьт цэргийн хүчээр большевикуудад шийдвэртэй цохилт өгч чадахгүй гэдгийг сайн ойлгож байлаа. Атаманыг дөнгөж эхэлмэгц, японы цэргүүд хүчин хавсран анхны цохилт өгөх хэрэгтэй. Ер нь тэгээд, өөр бусад хүчнийг оролцуулбал зүгээрсэн...
Атаман Семенов энэ "өөр бусад хүчинд" юуны түрүүн Америкийн Нэгдсэн Улсын цэргийн хүчнийг татан оролцуулахыг горилжээ. Мистер Жонсон энэ хэрэгт туслалцаа үзүүлэхгүй юм бол уу... Зорге, өөрийг нь Вашингтон, ирээдүйн "тусгаар тогтносон улсын" тэргүүн хоёрын хэлэлцээ хийхэд ашиглах гэсэн атаманы төөрөгдлийг тайлсангүй. Цагаантны хуйвалдааныг хөдөлгөгч гол судсыг олох нь Рихардад чухал байв. Ул мөр Манжуурт байрласан Квантуны армийн штаб, Токио руу оджээ.
Атаман Семеновыг япончуудтай сэртэндэж байтал Манжуурт "Мүгдэнгийн будлиан" гарч, түүний төлөвлөгөө арын байранд түр ухрав.
Мүгдэнгийн хэрэг явдал сэтгүүлчдийг бужигнуулав. Мэдээ янз бүр байсанд олон сурвалжлагч Нанжингийн засгийн газраас томилолт шалавхан авч, Мүгдэнд очихоор умард зүгт хөвөрлөө. Зорге онгоцоор явахаар шийдэв. Английн хүн тээврийн моноплан хэмээх дан далавчит онгоц долоо хоногт хоёр удаа нисдэгээс гадна Нанжин, Сюйжоу, Зинани, Тянжин... зэрэг бүх том хотод буудаг ажээ.
Онгоц агаарт хөөрөх үес нар загасчны торны хөвүүр мэт, хөхөмдөг далайн мандлаас ургаж, газарт суунагласан униар мананг улбар шар гэрлээрээ нэвтлэн гийгүүлж байв. Рихард францын цахилгаан мэдээний агентлагийн сурвалжлагч Жон Гетьегийн хажууд суув. Тэр нь хятадад арав гаруй жил сууж, энэ орны улс төрийн байдлыг сайн мэдэх болсон хүн бөгөөд Мүгдэнгийн будлианы тухай албан мэдээнд туйлаас итгэхгүй байв. Нисэгчийн өрөөний хаалганы дээд талд асаж байсан, тамхи татахыг хориглосон улаан гэрэл унтрахад Рихард янжуур гаргаж, хайрцагтай нь хажуугийн хүндээ өгөхөд
- Үгүй, ба хатуу тамхинд дуртай... гэв.
Хоёул, дор өнгөрөх газар лугаа адил шахам өнгөтэй, францын гашуун хар хүрэн тамхи татав. Онгоцон дотор дан ганц Мүгдэнгийн будлианы талаар яриа болж байв.
- Танд энэ бүхэн ямар санагдаж байна? гэж Гетье асуугаад - Дэлбэрэлт болж байхад, машинч огт мэдэлгүй Мүгдэнд цагтаа ирж байдаг, гэтэл галт тэрэг өнгөрмөгц хятадын хуаранг хүнд буугаар буудаж эхэлсэн байна... Үгүй ээ, үүнийг хэтэрхий цагаан утсаар оёжээ гэв.
- Би болсон явдлын талаар газар дээр нь очихоос нааш дүгнэлт хийж чадахгүй гэж Рихард болгоомжтой хариулав.
- Та Хятадад ажиллаад хир удаж байна?
- Жил хагас...
- Тэгвэл би арван нэгэн жил!.. Миний хувьд цөм тодорхой байна! Би уг нь Мүгдэнд очих дуртай байсан юм. Гэтэл бидний мэргэжил буудаж байгаа газарт очуулах гээд байх юм... Ер нь, гал дамжуулсан утасны нөгөө үзүүрийг Мүгдэнд эрснээс Токиод эрвэл дээр байсан юм.
Нанжинг өнгөрөөд, Шар мөрний тэгш хөндий, онгоц өөд тэмүүлсэн хурц оройт асга хадаар солигдов. Тайшань уулыг өнгөрөв. Уул нуруугаар хүрээлэгдсэн гүвээ, толгодыг дээрээс харахад далайн лавайн дотор талыг санагдуулах ажээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:04 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Зинаний нисэх буудлын навтгар ресторанд үдийн хоол идэв. Гетье европ хоол захиалав. Зорге хятад хоол идэхээр шийдэж, наймалж, хижимний мах, өндгөн жаврай, байцааны шөл, сэвсгэр цагаан мантуу захиаллаа.
- Та яаж эднийг иднэ вэ! Би арван нэгэн жил болоход идэж сураагүй юм гэж Гетье хэлэв.
- Юм юм мэдэх хэрэгтэй. Ходоодоор дамжуулан улс орныг таньдаг. Хятадаар ярьж сураагүй байж, хоол савхдаж сурсныг минь харж байгаа биз дээ гэж Рихард тоглоом болгон хэлэв.
Хоолны дараа, онгоц шатахуун авахыг хүлээж, онцгой алдартай зинаний ногоон цай уув. Оройхон нисэж, Тянжинд хонолоо.
Унтахын өмнө хотоор зугаалав. Нанжин-род гудамжинд зочид буудал, дэлгүүрийн үзмэрийн шилэнд ойж, олширсон олон өнгийн гэрэл анивчина. Харанхуй тэнгэрийн гүнд галт луу, дүрс үсгүүд анивчин жирэлзэж, энд тэндгүй олон дэнлүү ярайна. Гэтэл дөнгөж хажуугийн жижиг гудамжинд ортол хотын шөнийн дүр зураг өөрчлөгдлөө. Төмөр замын буудлаас Пэй Хо хэмээх сампан, чиргүүл, уурын хөлөг онгоц зайгүй дүүрсэн, үмхий үнэрт балиар голын эрэг чиглэжээ. Харанхуйд эзгүй байв. Хотын үерийн хамгаалалтын өндөр далангаас холгүй ирээд францын сэтгүүлч намхан ханаар хүрээлэгдсэн хэсэг барилгыг зааж ярьсан нь:
- Энэ бол Цин улсын сүүлчийн эзэн хаан Генри Пу И-гийн ордон. Та түүхий нь санаж байна уу? Гурван настайдаа эзэн хаанд өргөмжлөгдөж, хоёр жилийн дараа хаан ширээнээс зайлуулагдсан юм. Одоо түүнд жилд гурван сая орчим хятад доллар төлдөг. Хятадууд хаадыг огцорсон ч хамаагүй хүндэтгэн хайрладаг уламжлалтай... Жан Золин, Чай Кайши зэрэг засгийн эрхэнд гарах гэсэн генералууд эзэн хаан болж тэнгэрлэг хүндэтгэл хүлээхийг хүсэн мөрөөднө...
Рихард хашир франц сэтгүүлчийн үгийг онцгой анхаараагүй боловч, хожим Тянжинд болсон шөнийн яриаг олонтаа дурсан санажээ.
Мүгдэнд өглөө эрт ирж, онгоцны буудлаас шууд японы комендантын газар руу явлаа.
Сэтгүүлчдийг хурандаа Итагаки, Квантуны армийн командлагчийн төлөөлөгч Хонжио нар угтав. Цаас наачихсан мэт богинохон ширвээ сахалтай Хонжио туйлын эелдэг, итгэл төгөлдөр байв. Итагаки хятадын хорлон сүйтгэгчдийн ажил явууллагад дургүйцэж байгаагаа илэрхийлж, сэтгүүлчдийн итгэл хүлээхийг элдвээр оролдож, асуултад дуртайяа хариулж, хятадын өдөөн хатгалгын талаар эд мөрийн баримт үзүүлнэ гэв. Төмөр замын даланг дэлбэлэхэд гэмтсэн зам төмрийн хугархайг үзүүлэв. Дэлбэрэлт болоод дөнгөж гуравхан хонож байхад бүтэн жил хог дээр хэвтсэн мэт зэвтэй, хуучин зам төмөр байв...
Хурандаа болсон явдлын талаар ярив: Мүгдэнгээс хойш төмөр зам дээр дэслэгч, зургаан цэргийн хамт эргүүл хийж явав. Шөнийн цаг байлаа. Гэнэт ард нь тэсрэлт гарах чимээ сонсдож, эргэн гүйтэл, хорлон сүйтгэгчид харагджээ. Тэд тавуул байжээ. Цэргүүд жинхэнэ самурайн ёсоор тэднийг мөрдөн дагатал өөдөөс нь винтов, пулемётоор буудсан байна. Дэслэгчийн хэлэх нь, харуулынхныг хэдэн зуун хятад цэрэг бууджээ. Японы цэргүүд хэвтэн хариу байлдаж, нэмэлт хүч дуудан авчраад, гал нээсэн хятад цэргийн хуаранд довтолжээ.
Сэтгүүлчид ширээ тойрон дэвтэр дэлгэн сууж, асуулт тавьж эхлэв. Итагаки хэвлэлийн бага хурлыг удирджээ. Сэтгүүлчид хурлын өмнөхөн, Квантуны арми бүх л Манжуурыг эзэлж эхэлсэн тухай, Солонгост японы арми командалж байсан генерал Хаяшигийн цэрэг Манжуурт бас цөмрөн орсон тухай нэгэн шинэ мэдээг дуулав.
- Болсон явдлыг Япон, Хятадын хооронд дайн гарлаа гэж үзэж болох уу? Японы эзэн хаан дайн зарласан гэж би бодож байна. Генерал Хаяшигийн цэрэг хил даван Манжуурт орсныг үзвэл дайтах тухай эзэн хааны зарлиг гарсан байх ёстой. Тийм биз? гэж францын сэтгүүлч асуув.
- Үгүй ээ, үгүй. Бид энэ явдлыг Квантуны армийн мэдлийн хүрээнд шийдэх жирийн будлиан гэж үзэж байна. Жирийн нэг будлиан. Квантуны арми Манжуурт эмх журам тогтоохоор засгийн эрхийг түр аваад байна. Ердөө л түр авсан юм гэж Итагаки хариулав.
- Хятадын хуаранг тэр даруй буудаж эхэлсэн их буунууд хаанаас гараад ирснийг хэлж өгнө үү гэж Зоргегийн өмнө суусан английн сэтгүүлч нимгэн, шулуун ганстай тамхиа хэнэггүй сорж, өөр тийш харан асуув.
- Буудах гэж их бууг хийдэг юм гэж Итагаки булзааруулан хариулав.
- Бас нэг асуулт байна. Мүгдэнгийн будлианаар хятадын хохирол хир зэрэг их байна? гэж өөр нэгэн сурвалжлагч асуув.
- Хойт том хуарангийн орчноос дөрвөн зуугаад хятад цэргийн хүүр олсон. Тэднийг хүндэтгэн оршуулж, нэгэн тулалдаанд унасан хятад, япон цэргүүдийн хойтохыг уншуулсан. Бүшидогийн зарлиг ингэхийг тушааж байгаа юм. Бид хятад, япон цэргийн сүнсийг ялгаварлан үзэхгүй. Эрлэг номон хааны өмнө тэд цөм адил...
- Японуудын хохирол хир вэ?
- Хохирол цэргийн эр чадал, эрдэм мэдлэгээс шалтгаална... Хэчнээн чадмаг байваас, төдий чинээ хохирол бага байна. Японы талаас хоёр цэрэг эзэн хааныхаа төлөө баатарлагаар амиа алдсан.
Мүгдэнгийн будлиан японы хорт явууллага гэдэг нь илэрхий байлаа. Энэ нь хохирлын харьцаанаас үзсэн ч тэр, ер юм бүхнээр батлагдаж байлаа. Тэр дундаа, нөгөө алагдсан хоёр цэрэг нь их буугийн гал зогсоогүй байхад хуаранд дайран орж, өөрийн суманд үрэгджээ. Гэсэн ч хурандаа Итагаки сэтгүүлчдэд үнэмшүүлэх гэж оролдсоор байв.
- Ноёд оо, та нарыг будлиан болсон газар руу явуулж, чилээхгүйн тулд хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн хоёр хятад саперчны хүүрийг авчрууллаа. Үзэж, үнэмшицгээ.
Цагаан нөмрөгтэй япон сувилагчид дамнуурга дээр тавьсан хүүрийг өрөөнд оруулаад бүтээлгийг хуулав. Сэтгүүлчид дуугүй харлаа. Нэгэн цэргийн хацар зүсэгдэж, нүдэнд нь цус хуржээ. Нам гүмийн дунд англи сэтгүүлчийн хэнэггүй дуу гарав. Тэр бас л юу ч анхаараагүй мэт өөр тийш харж
- Миний мэддэгээр, бидний өмнө хятадын явган цэрэг байна. Хятадын саперчид өөр хувцас өмсдөг... гэж хэлэв.
- Аваад яв! гэж Итагаки тушаав.
Итагаки маргааш нь сэтгүүлчдийг дахин урьж нөгөө хүүрэнд хятадын сапёрын цэргийн хувцас сольж өмсгөөд үзүүлэв. Нэгний нь хацар дээр шарх ангайж, нүдэнд нь цус хуран хатжээ...
Итагаки сурвалжлагчдад хэлсэн нь:
- Ноёд оо, та нар бидний энх тайванч бодлогод үнэмшиж болно. Хотын дотор эмх журам тогтлоо. Мүгдэнгийн захиргааны түр захирагчаар хурандаа Доихара томилогдлоо. Байдал аятай болмогц, удахгүй энэ албан тушаалыг дахин хятадын төлөөлөгч эзлэх болно...
Гадаадын сурвалжлагчид өөрсдийн нь байгаа японы комендантын газарт саяхан юу болсныг үл мэднэ. Итагаки мужийн захирагч Зян Шийг дуудан авчирч
- Та өнөөдрөөс эхлэн Мүгдэн хотын дарга боллоо. Японы талтай хамтран ажиллах хэрэгтэй гэж тушаав.
Зян Ший энэ албан тушаалаас татгалзав.
- Тэгвэл танд юу зохихыг сайн бодоорой... Хатуу дэглэмд хий! гэж захирагчийг авчирсан цэргүүдэд тушаав. Цэргүүд Зян Шийг комендантын газрын дэргэдэх хорих тасалгаанд оруулав. Харгалзагч түүнийг өвдөг сөхрүүлэн суулгаад эрүү рүү нь өшиглөв...
Урьдаас нарийвчлан бодож боловсруулсан мүгдэнгийн будлианы төлөвлөгөө хятад захирагчийн зөрүүд зангаас болж өөрчлөгдөх болсонд Доихарагийн уур хүрнэ. Хойшлуулшгүй олон ажил байтал, бас дээр нь, хотын захирагчийн тушаал нэмэгджээ!
Сарын дараа Зян Шиигийн зөрүүд занг буулгаж авав. Итагаки өөрөө очиж, айлгаж, ятгаж ярилцсанд, Зян Шии гяндангийн балиар сүрэл дээр өлсөж хэвтсэнээс хотын дарга болохыг дээрд үзэв. Турж эцсэн Зян Шииг дөнгөж сахлыг нь хусаж, шинэ хувцас өмсгөөд шоронгоос шууд, хотын шинэ даргыг томилсон ёслолын ажиллагаа болох байранд авчрав. Тэр Японы эзэн хаанд баяр талархлаа илэрхийлж, өөрт нь хүлээлгэсэн итгэл найдварыг өндөрт өргөн, найрамдлыг батжуулан бэхжүүлэхэд гар хумхихгүй ажиллахаа... сэтгэл хөдлөн ярив. Гэрэл зургийн сурвалжлагчид хурц гэрэл гялс гялсхийлгэн зураг дарсан хамгийн сэтгэл хөдлөм үед Зян Шии тэсэлгүй муужран унав...
Сэтгүүлчид Мүгдэнд бас хэд хонож, хотыг үзэв. Хурандаа Итагаки зочдыг аятай тавтай байлгахын тулд хөлд нь сийрс болон хэвтэх нь холгүй байв. Сэтгүүлчид хотын төв дунд байдаг "Ямато" буудалд байрлаж, таазыг нь шавж чимэглэсэн дайллагын том танхимд хооллодог байв. Тэр буудлын хоёр дахь давхарт хуяглаж, ган хавтангаар өнгөлсөн люкс өрөөнд генерал Чэчэкава сууж байлаа. Ямар нэгэн гэнэтийн явдлаас хамгаалж тавьсан хуягийн тухай ч, нууц ажлаар ирсэн генералын тухай ч сэтгүүлчдэд мэдэгдсэнгүй. Сэтгүүлчид мундаг сүрхий тойрон аялагчдын адилаар хотыг үзэж, Тайзун хааны ордонд очиж, намрын наранд хүйтэн шар туяа цацруулсан нунтаг алтан шигтгээт гишгүүрийг нь сонирхов. Сэтгүүлчдийг оросын зураач Рерихийн төслөөр хийсэн эртний славян баатрын дуулганы хэлбэртэй бунхан бүхий орос цэргийн шарилын дэргэдүүр зүгээр ч нэг дагуулан өнгөрсөнгүй. Энд орос японы дайнд амь үрэгдсэн орос цэргийн шарил байлаа. Аялагчдыг дагаж явсан япон эр,
- Бид үрэгдэгсдийг хүндэтгэн, сүнсийг нь тэнгэр сахиусандаа залбирч байдаг... Тэд бол бидний ах дүүс! гээд гараа наманчлав.
Зорге "Амьдыг алж, үхэгсдийг хүндэтгэдэг юутай хуурмаг сүсэг вэ!" гэж бодлоо.
Рихард Мүгдэнд очсоноор, Манжуурын хэрэг явдал Орост шууд хамаатай болохыг бүрэн ойлгов. Тэр элдэв явдал, үг яриаг зэрэгцүүлэн үзэв. Оросын шарилын дэргэд болсон яриаг санав. Яагаад цэргийн сүнсийг ахан дүүгийн барилдлагаатай гэж ярина вэ?.. Өнгөө нуух гэж үү? Хуурмаг сүсэглэл үү? Японы түрэмгийллийн түүх, түүний хойт зүгт чигтэйг бодов... Рихард японы түрэмгийлэл зөвлөлтийн хилд ойртож буй тухай гол дүгнэлтээ хийлээ. Чухамхүү энэ тухай тагнуулч хүн эх орондоо мэдэгдэх ёстой.
Рихард Шанхайд ирээд, өөрийн найз Озакитай уулзахыг яарав. Озаки японы дүүрэгт, дөнгөж хэлд орж, юм шулганадаг болж байгаа хар нүдэн охин Еко, гэргийн хамт сууна. Рихард Смедли, бас нэгэн хүний хамт ганцхан удаа тэднийд иржээ. Тэднийх нар үл үзэх харанхуй гудамжинд суудаг байв. Тэднийг Озакийн эхнэр, өндөр дугуй хөмсөгтэй, инээмсэглэсэн жижиг амтай, ялдамхан сайхан япон хүүхэн угтав. Нэрийг нь Эйко гэнэ. Эхнэр нь Хозүмигаас нэлээд өндөр мэт харагдах нь ганц ч атираагүй тунгалаг магнайн дээд талд дугуйлан янзалсан гялгар хар үснийх ч байж магадгүй. Тэд инээлдэн шуугьж, урлаг, эрт урьдын тухай ярилцан үдшийг өнгөрөөв. Рихард Хозүми, Эйко хоёрын бие биеэ хязгааргүй хайрлан дурласан өрөвдөлт түүхийг урьд өмнө сонсжээ. Эйко Озакийн ахынх нь эхнэр байжээ. Тэр үед эртний алдарт Токүгава удмаас гаралтай өнөр өтгөн айл Тайваньд амьдарч байлаа. Өрхийн тэргүүн Озаки Хидэтаро сэлэм зүүж тайжийн хүндэт эрх ямба, нэр, овогтой байв. Тэр Тайваньд либерал үзлийг хуучны дадал заншлыг эрхэмлэн үзэхтэй хосолсон нэгэн сонины эрхлэгчээр ажиллаж байжээ. Өвгөн Озаки хүүхдүүдээ дэргэдээ байлгах бөгөөд ууган хүү Хонами гэрлэж, эхнэрийн хамт эцгийндээ суух болов. Тэр үед Хозүми хорь шүргэж, Эйкогоос ялимгүй дүү байв. Ах нь ширүүн догшин зантай, шаардлагатай, харгис үзэлтэй хүн байв.
Тайваньд байсан японуудын олонх нь хатуу догшин, хүйтэн цэвдэг хүмүүс байлаа. Тайванийхны ядуу хоосон, эрх мэдэлгүй амьдрал Хозүмийн зүрх сэтгэлийг шимшрүүлнэ. Ах нь энэ бүхэнд туйлаас хэнэггүй хандах бөгөөд чухамхүү үүнээс болж залуу хосын дунд анх ан цав гарчээ. Удалгүй Хозүми Токиогийн их сургуульд суралцахаар одож, амралтаараа л гэртээ ирдэг байв. Ах дүү хоёрын дунд үе үе хэрүүл үүсэхэд Эйко дуугүй биеэ барин байх бөгөөд заримдаа бага Озакийг шууд өмөөрнө. Хонами японы хайгуулын ангийн цэрэгт сайн дураар орж Хятад руу гэнэт явжээ. Ийнхүү Энко нөхрөөсөө салжээ. Эйко Хозүмид эртнээс хайртай байв. Хоёул Осака хотод нууцаар очиж. Хозүми сонины газарт, Эйко номын дэлгүүрт худалдагчаар ажиллах болов. Тэд өөрсдийн харилцааг нууц байлгахыг хүссэнгүй. Тэр хоёрын гэрлэлт Тайваньд байсан гэр орныхны нь жигшил зэвүүцлийг төрүүлсэнд, Хозүми бололцоо олдмогц Шанхайд очжээ. Удалгүй араас нь Эйко очив. Шанхайд тэднийг мэдэх хүн байсангүй.
- Бид хоёрын хайр дурлал унаж буй одтой адил юм. Бид цаг ямагт ийш тийш шидэгдэн явахдаа, унаж буй одыг хараад амьсгал цухалдах шиг болдог... Гэвч орчлонгийн уудамд оддын унаж, өгсөж байгааг хэрхэн ялгах вэ?.. Бид хоёрын хайр дурлал яг ийм... хэмээн Озаки Зоргед амьдралаа ярьжээ.
Цэрэг царайтай Озаки Хозүми яруу найрагчийн зүрх сэтгэлтэй хүн байлаа.
Рихард онцгой хэрэгцээ гараагүй үед шуудан, утсан харилцааг ашиглахгүй гэж Озакитай уулзах газрыг урьдаас тогтжээ. Зорге гол төлөв японы эзэмшил газрын хайч дээр оршдог цэцэрлэгт гүүрэнд машинаар ирэхэд, Озаки ард нь сууж, хоёул Шанхайн гудамжаар давхих буюу эсвэл үй түмэн хятад рестораны нэгэнд очно. Гэвч тэд Агнесс Смедлийн тохилог байранд очих их дуртай.
Энэ удаа бас л тэднийд очив. Агнесс гал тогооны өрөө рүү хоол хийхээр орж, эрчүүд үлдэв. Агнесс хоол сайн хийдгээрээ нэртэй хүн байлаа.
Рихард явсан тухай сэтгэгдлээ ярьж, Мүгдэнгийн будлиан Танакагийн меморандумд илэрхийлсэн японы түрэмгий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаагийн баталгаа мөн гэж саналаа хэлэв. Тэгтэл Рихард Зорге, Озаки хоёр маргалдаж гарав. Смедлийг маргаан таслуулахаар дуудав.
- Агнесс аа, бидэнд туслаарай! Нааш ир, эсвэл бид галын өрөөнд дайран орох уу? гэж Зорге хашгирав.
Халууцаж улайсан Агнесс гэрийн хормогчтой орж ирлээ.
- Сүрдүүлэх хэрэггүй! Юун тухай маргалдаа вэ?
- Танайд генерал Танакагийн меморандумтай "Хятадын шүүмжлэгч" сэтгүүл байвал бидэнд өгөөч.
Смедли номын тавиур руу очиж, олон сэтгүүл дундаас ухаж олоод, Зоргед өгөн
- Май, гэхдээ хоол болсон тул та нарын маргаанд ердөө таван минут үлдээд байгааг анхаараарай гэв.
Зорге хэрэгтэй газрыг олж
- "Хятадыг байлдан дагуулахын тул эхлээд Манжуур Монголыг эзлэн авах хэрэгтэй. Дэлхийг байлдан дагуулахын тул, эхлээд Хятадыг эзлэх хэрэгтэй... Мэйжи хааны бидэнд гэрээсэлж үлдээсэн төлөвлөгөө ийм бөгөөд, үүнийг биелүүлэх нь манай Японы эзэнт улсын оршин тогтноход чухал ач холбогдолтой бүлгээ" гэж уншаад - Милитарист Танака Гиичи ингэж ярьж байна! Та үүнийг үлгэр гэж бодож байна уу? Тийм биш ээ! Бух юм төлөвлөгөө ёсоор болж байна. Би меморандумын өөр нэг хэсгийг уншъя: "Ойрын ирээдүйд хойт манжуурын районд манай орны орсноор зөвлөлт Оростой зайлшгүй зөрөлдөөн гарах болно..." Энэ бас Танакагийн үг. Гэтэл японы цэрэг аль хэдийн хойт манжуурт ороод байна, тэгэхээр дараагийн алхам нь Оростой зөрөлдөх явдал ч байж болно шүү дээ гэв.
- Гэвч энэ бол аюултай! Энэ бол Японы сүйрэл болно. Би үнэмшихгүй гэж Озаки хэлэв.
Агнесс орж ирээд, ширээ бүтээхийг эрчүүлээс гуйв. Рихард хоол идэх зуураа, Мүгдэнд үзсэн зүйлээ дахин ярив.
Зорге Озаки Хозүмийг цэцэрлэгт гүүрний зүг буцаан хүргэж явахдаа, сэтгэлийг нь догдлуулсан асуудлаар дахин яриа үүсгэв.
- Озаки-сан, одоо Манжуур руу явуулчихмаар найдвартай ямар хүн байна вэ? Бид тэнд юу болж байгааг цөмийг мэдэх хэрэгтэй байна.
- Би бас энэ талаар бодож үзсэн. Надад явуулчихмаар нэг хүн байна. Таныг зөвшөөрвөл, дагуулаад ирье.
Дараагийн уулзалтад Озаки, Рихардын үл таних нэгэн японтой хамт ирэв. Хозүми түүнийг Хятадад япон хэлээр долоо хоног тутам гардаг "Шанхайн мэдээ" хэмээх зурагт сэтгүүлийн сурвалжлагч Каваи Тэйкичи гэж танилцуулав.
Каваи тэр үед гуч хол гарсан ч цэл залуухан харагдав. Намхандуу туранхай биетэй, өөртөө итгэлтэй, бага зэрэг бүлцэндүү хянуур гярхай нүдтэй хүн байв. Каваи Шанхайд нэлээд олон жил сууж, японы милитаризмын эсрэг бүлэгт ордог тул Озаки Манжуур руу найдвартай хүн явуулах шаардлагатай болмогц түүн дээр тогтжээ.
Тэд хотын францын дүүрэгт, хятад ресторанд орлоо. Лангууны цаана, рестораны эзэн, шөрмөслөг чийрэг биетэй европ хүн хүмүүст үйлчлэн зогсоно. Энэ бол тэр гурвын дотроос ганц Зоргегийн мэдэх Клязь ажээ. Гэвч тэд хуучин танилууд гэдгээ мэдэгдсэнгүй.
- Би удахгүй, хэдхэн сарын хугацаатай явахыг зөвшөөрнө. Сэтгүүл маань тэгж явуулах сонирхолтой байгаа юм. Энэ бол аль ч талаас үзсэн тохиромжтой гэж Каваи хэлэв.
Нарийн юмыг машин дотор ярилцлаа. Зорге жолооны ард, Каваи Озаки хоёр ард суужээ. Зорге толинд тэдний царайг харна.
- Мүгдэнд "Асахи" сонины сурвалжлагчаар миний сайн найз Тэкэүчи ажилладаг юм. Тэр одоо Квантуны армийн штабын дарга болоод байгаа хурандаа Итагакитай сайн, ер нь миний бодоход найз нөхдийн харилцаатай байдаг хүн. Би офицеруудын "Сакүра-кай" нийгэмлэгийн нэгэн идэвхтэй удирдагч Итагакийг бас бага зэрэг мэднэ. Энэ нийгэмлэг Манжуурт шийдмэг үйл ажиллагаа явуулагчдын талынхныг нэгтгэдэг юм гэж Озаки ярив.
- Би түүнтэй чинь уулзсан гэж Зорге хэлээд Озакийн ярихыг анхааралтай сонсов. Бас Итагаки, бас Доихара! Тэд Зоргегийн өмнө хар сүүдэр шиг босон ирэв. Тэд ихийг мэдэж, цэрэг дайны хуйвалдааны утсыг гартаа атгаж байна. Тэдэнтэй тэмцэнэ гэдэг японы дайнчдын төлөвлөгөөг илрүүлнэ гэсэн үг. Үүнд л гол зорилт оршино! Рихард өөрийнхөө байдлыг арай дээрд үзэв. Учир нь нууцыг нь одоохондоо мэдэхгүй ч тэднийг ажиглаж байлаа. Гэтэл Итагаки, Доихара хоёр өөрийнх нь тухай зүүдлээ ч үгүй бөгөөд хэзээ ч мэдэхгүй...
Озаки Хозүми сайн төлөвлөгөө хэлж өгчээ: Каваи Такэүчитэй цаг үргэлж уулзаж, түүнээс Квантуны армийн байдал, санаа сэтгэл, зорилгын талаар мэдээ авах ажээ. Японы хоёр сэтгүүлчийг уулзахад сэжиглэх үндэсгүй. Такэүчийн хувьд гэвэл, тэр урьдын адил Квантуны штабын шинэ дарга, хурандаа Итагакитай сайн харилцаатай байж, итгэлийг баттай олохыг чармайх ажээ.
Мүгдэнгээс "Шанхайн мэдээ" сэтгүүлийн сурвалжлагч, Озаки Хозүмийн итгэлтэй, төмөр замын албан хаагч нэг хүний хаягаар мэдээг илгээж байх ёстой байв.
Рихард саналыг зөвшөөрч, нэмж хэлсэн нь: Каваи Тэйкичи төмөр замчны хаягаар мэдээ илгээхдээ бас өөр хэн нэгэнд баяр хүргэсэн, мэндчилсэн, ер нь ямар ч хамаагүй ил захидал хамт явуулж байх нь зүйтэй. Энэ нь Каваин мэдээ Мүгдэнгээс гарсны дохио болно. Төмөр замчнаас мэдээ авахаар Озаки өөрөө очсоны хэрэггүй, өөр очих хүн олох хэрэгтэй.
Аравдугаар сар. Каваи сарын сүүлчээр явлаа. Мүгдэнгийн мөргөлдөөн гадаад хэдхэн долоо хонож байсан үе. Японы цэргийн түрэмгийлэл өргөжлөө. Аравдугаар сарын найманд тэдний нисэх хүчин Жинжоуг бөмбөгдөж, удалгүй Харбин эзлэгдэж, Квантуны армийн ангиуд хойт зүгт давшлаа. Сонинууд Манжуурт болж буй дайны мэдээгээр дүүрчээ. Энэ үед Рихард Зорге туйлын үнэн зөв мэдээг Мүгдэнгээс, Манжуурт болж буй хэрэг явдлын гол судас, гал дамжуулагч утас хэмээн японы цэргийн дарга нарын нэрлэдэг, Квантуны армийн хурандаа Итагакигаас авах боллоо.
Гэхдээ Рихард Зорге Квантуны армийн штабын дотор болж байгаа юм бүхнийг, нууцын шүүгээнд "Кио кү мицү!" гэсэн бичигтэй хэвтэж буй бичиг сэлтийг мэдэж чадаагүй нь тодорхой. Тэр дан ганц салангид тасархай мэдээ авч байв.
Гэвч эртний амьтан судлагч эрдэмтэд газрын гүнээс олсон салангид ясаар амьтны гадаад төрх, амьдралын янз байдлыг сэргээн босгож чаддаг шүү дээ... Нэгийг эрвэл нэгдсэн нээлтэд хүргэнэ. Рихард Зорге тэгж ажиллажээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:15 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:05 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ЭЗЭН ХААНЫГ ХУЛГАЙЛСАН НЬ


Нууц зөвлөлийн хуралдаан эзэн хааны ордны баруун жигүүрт боллоо. Нарны дагина гэрэлт Аматэрасү Омикамийн удам угсаа, тэнгэрийн хүү Хирохито оролцсон нь хуралдааныг онцгой ач холбогдолтой болгожээ.
Нарны дагины гурван эрдэнэ болсон толь, илд, сондрыг эзэмшигч, Японы зуун хорин дөрөвдүгээр эзэн хаан түшлэгт сандал дээр заларч байх нь төмөр мэт хатуу даргар эдээр хийсэн хуучны хувцас, титэм өмсөж, тусгайлан авахуулсан хөрөгтэйгээ туйлын адилхан харагдана. Хирохито ярианд оролцолгүй зураг шигээ хөдлөхгүй сууна. Түүний өмнө, бага танхимын хоёр талаар тавьсан цэмбэн бүтээлэгтэй хоёр урт ширээний ард Нууц зөвлөлийн гишүүд, эзэн хааны томилсон, дөч гарсан насны хорин таван эр суужээ. Тэд цөм шинин хэмээх ордны дээд хэргэмтэй. Засгийн газрын танхимд гагцхүү ерөнхий сайд ийм хэргэм эдэлнэ.
Эзэн хаанд ойр, ширээний захад Гэнрогийн сүүлчийн гишүүн, ордны зөвлөх, хөгширч турсан, наян настай, хуантайз Сай-онжи сууна. Ордны зөвлөхөөр түүнийг бүр өнгөрсөн зуунд, Мэйжи хааны эринд томилсон ажээ. Хуантайз Сайонжи олон арван жилийн турш засгийн эрхийг эзэн хааны хамт, хааны эцгийн хамт, өвөг эцгийн нь хамт далдуур хуваалцаж ирлээ. Тэр ерөнхий сайдыг өөрчилж, сайд нарыг томилж байлаа. Гэтэл одоо удирдах эрх мэдлийг нь шахан зайлуулсанд хуантайз эсэргүүцэн уурсана.
Хуантайзын хажууд сууж байгаа цэргийн яамны сайд Минами энд цугларсан хүмүүсийн дотор ганцаараа нууц зөвлөлийн гишүүн биш байлаа. Тэр "Алтан могой", "Мандах нар" одонгийн бүх зэрэг, цэргийн загалмай, медалиудаа зүүсэн нь энгэрт нь багталгүй торгон бүсэнд нь хүрчээ. Мөрөө давуулан одонгийн туузаа тохсон байв. Өмнөх ширээн дээрээ алтан тууз барьж оёсон саравчтай малгайгаа ариун эрдэнэ лугаа адил тавьжээ.
Нууц зөвлөлийн дарга хэлэлцэж байгаа асуудал-Манжуурын байдлын талаар эхлэн ярихыг Минамид санал болгов.
Цэргийн яамны сайд үгээ эхлэхдээ илэрхий сандрав. Үнэхээр ч Японы эзэнт улсын түүхэнд сонсогдоогүй явдал болжээ. Цэргийнхэн эзэн хааны онцгой эрх мэдлийг зөрчиж, Солонгосоос Манжуур руу дур мэдэн цэрэг хөдөлгөжээ. Юу ч гэсэн энэ бол эзэн хааны зөвшөөрөлгүйгээр зарласан дайны эхлэл байлаа. Зөвлөлийн хуралдаан болохын өмнө жанжин штабынхан хүнд байдлаас хэрхэн гарах тухай удаан боджээ. Тэгээд цэрэг хөдөлгөсөнтэй уялдан гарсан, төсөвт тусгагдаагүй зардлыг батлахыг зөвлөлийн гишүүдээс хүсэхээр шийджээ. Нууц зөвлөл хөрөнгө нэмж олгохоор шийдвэрлэвэл Самбү Хомбүгийн үйлдлийг зөвтгөн үзсэн хэрэг болох байлаа.
- Би Мэйжигийн эриний эхэн үед төрсөн гэж Минами хөмсгөө хөдөлгөж, хүмүүсийг тойруулж харан, алсаас үгээ эхлэв. Нууц зөвлөлийн гишүүдийн дотор түүний талынхан ч, эсрэг талынхан ч байв. Би дөчин таван жилийн өмнө, Солонгосын дайнд оролцож, зуун иений мөнгөн шагнал хүртэж байлаа. Би Манжуурын талд Оростой байлдаж, энэ "Алтан могой" одонг авсан юм гэж Минами гараараа одонгоо дараад,
- Би Сибирът алба хааж хоёр мянга таван зуун тавин иений мөнгөн шагнал, энэ одонгийн туузыг авсан... Би насан турш эзэн хааны зам дээр "Какко Ичио!"-г баримтлан зогсож, Зүүн Азийг японы дээвэр дор хөгжин цэцэглээсэй гэж хүсэж явлаа. Бас Японы тэнгисийг жинхэнэ японы дотоод тэнгис болоосой гэж мөрөөдөж явав... гэж ярив.
Цэргийн яамны сайд Манжуурын байдлын талаар ярихдаа, тэнд бий болсон ноцтой байдлын улмаас яаралтай арга хэмжээ авах болсон юм гээд, Солонгосоос Манжуурт цэрэг хөдөлгөн Квантуны армийг зузаатгасантай холбогдон гарсан зардлыг баталж өгөхийг хүслээ.
Өвгөн хуантайз Сай-онжи асуусан нь:
- Генерал таны төрсөн Мэйжигийн эринд эзэн хааны зарлиггүйгээр дайн эхэлж байсан удаа бий билүү?... Генерал та, японы цэрэг хилийн гол Ялаг гаталснаар өөр улсын нутагт цөмрөн орж буй хэрэг гэдгийг мэдэх үү? Энэ бол дайн. Яагаад эзэн хааны тэнгисийн цэргийн флот, золгүй явдал гарсан тэр өдөр бас л эзэн хааны зөвшөөрөлгүйгээр Порт-Артурт байсан баазаа орхин, Мүгдэнгийн ойролцоох Инкэу боомтод очив?.. Би үүнийг ойлгохгүй байна. Энэ талаар цэргийн яамны сайдаас хариулт сонсож, өөрийн бодол санааг тодотгомоор байна...
- Тийм ээ, бүх зүйл чухамхүү хуантайз Сай-онжийн хэлсэнчлэн болсон юм. Гэвч эзэнт улсаа хамгаалах сонирхол элдэв хэлбэрийн үндэслэл, эрх мэдлийг өргөмжлөн үзэх үзлээс өндөрт байх ёстой билээ. Бид гүнээ уучлалт гуйж, цэргийн яамны төсөвт зардал нэмж батлахыг хүсэж байна... гэж Минами хариулав.
Асуулт дуусмагц Нууц зөвлөлийн дарга Минамид хандаж,
- Минами-сан, хэрэв танд яаралтай ажил байвал, Нууц зөвлөлийн хуралдааныг санаа зоволтгүй орхин явж болно... гэв,
Минамид яаралтай ажил байгаагүй ч, шийдвэр гаргахад гагцхүү Нууц зөвлөлийн гишүүд дангаар байлцдаг хөдөлшгүй хуультай байв.
Минами малгайгаа барьсаар гарлаа. Ордны бага танхимд дан ганц Нууц зөвлөлийн гишүүд, бас Хирохитогийн ард, хаалтны цаана протокол бичиж суугаа, тамга хадгалагч лордын ахлах нарийн бичгийн дарга үлджээ. Энэ бол хааны ордонд үе залгамжлан ажиллаж байгаа, оролцохгүй юмгүй Кядо байлаа. Эцэг нь талийгаач хааны ахлах түшмэл, өвөг эцэг нь Мэйжи хааны баруун гарын түшмэл байжээ. Кидо хорин таван насандаа Хирохито хааны ойр дотны хүн, тамга хадгалагч лордын ахлах нарийн бичгийн дарга болжээ. Тэр хэзээ нэгэн цагт эзэн хааны гол түшмэл болно гэж найдаж явдаг байлаа. Кидо зорилгодоо хүрэхээр чийгийн улаан хорхой лугаа адил махран зүтгэсээр, нарийн бичгийн дарга хэдий ч, эзэн хааны ордны нөлөө бүхий хүн болжээ.
Кидогийн гол шинж гэвэл, хүний нүд рүү ерөөс хардаггүй ажээ. Хүн бүхнийг, жирийн нүгэлт нүдээр харж болдоггүй тэнгэрийн хүү юм уу, эсвэл, эртний домогт харвал сохорч, аягүйтвэл үхэх болно гэж өгүүлдэг нар лугаа адилтган үздэг мэт. Гэвч маркиз Кидо өөр бодол баримталдаг аж. Нүд бол хүний сэтгэлийн толь учир сэтгэлийн нь толь руу шагайж, бодол санаагий нь мэдэхийг үл хүснэ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Кидогийн зүүсэн хүрээгүй шилний хүйтэн туяа түүнийг цоо ширтсэн хурц харцтай болгоно. Толгойд нь наалдах шахсан, нимгэн чих нь эзэн хааны ордонд болж буй бүгдийг сонсож байх мэт харагдана. Гэвч маркиз Кидо дотуур тамиртай хүн учир бодол санаагаа гагцхүү тэмдэглэлийн дэвтэрт илэрхийлж, нас барснаас нь хойш хагас зуун жил өнгөрсний дараа нийтлэхийг гэрээсэлжээ. Тэр нь цэргийнхний талд байсан боловч, үнэгний болгоомжлолоор үүнийгээ ил цагаан мэдэгдсэнгүй. Тэр ямарваа үйлийг хийхэд сайн муу нь хамаагүй, хал бал нь чухал гэсэн зарчмыг насан турш баримталж иржээ. Иймээс өчүүхэн төдий халгаатай бол ямар ч үйлийг хийхээр зүрхэлж байсангүй. Тэр эцсийг нь үзэх найдвартай үйл явдалд л оролцож байлаа. Үйл явдал олон янз, цөмд нь тэмдэглэлийн дэвтэртээ ч итгэх аргагүй. Жишээлэхэд, маркиз Кидог тамга хадгалагч лордын ахлах нарийн бичгийн даргын албан тушаалд ороод хоёр долоо хонож байхад Хамагүчийн аминд халдсан явдал тохиолдлын хэрэг огт биш... Кидо энэ явдлыг дуулаад нимгэн уруулаа мушийлган инээмсэглэснээ, хуруугаа амандаа бушуухан хүргэж, богинохон ширвээ сахлаа илжээ.
Маркиз Кидо эзэн хааны сүлд-арван зургаан дэлбээт шиватих цэцгийн хатгамал бүхий хаалтны цаана суугаад Нууц зөвлөлийн хуралдаанд болж буй бүгдийг тэмдэглэн авна.
Асуудал дуусаж, дарга:
- Нууц зөвлөлийн гишүүд саналаа хэлэх үү? гэж асуулаа.
Бага танхимд нам гүм.
- Тэгвэл солонгосын армийг хөдөлгөөнтэй уялдан гарсан зардлыг нэмж батлах саналтай хүмүүс босно уу гэж дарга хэлэв.
Цөм нэгэн зэрэг босов. Хэн ч сууж үлдсэнгүй. Тэр ч байтугай хуантайз Сай-онжи нийтээс гажихыг үл хүсэн, сүүлдэсхийн өндийлөө.
Дарга эзэн хааны зүг мэхийж,
- Хаантан минь, Нууц зөвлөл солонгосын эзэн хааны армийн нэмэгдэл зардлыг батлах саналтай байна... гэв.
Цэргийнхний бодлого юу ч гэсэн яллаа. Ордны дотор, Нууц зөвлөлийн шийдвэр хүлээж байсан Минами ингэж үзэв. Кидо түүнд энэ тухай, Хирохитог явсны дараа анхлан дуулгажээ.
Нууц зөвлөлийн шийдвэрт, "Цэцэглэж буй интоор" нийгэмлэгт нэгдсэн залуу офицеруудын бэлтгэж байсан хуйвалдааныг саяхан илрүүлсэн явдал нөлөөлсөн байж ч болох юм. Аравдугаар сард, Нууц зөвлөлийн хуралдаан болохын өмнөхөн Хашимотагаар толгойлуулсан хэсэг залуу офицер төрийн эргэлт хийж, засгийн газрын толгойд генерал Аракийг тавих гэж буй мэдээг ордны сайд Мацүдайра гүн тамга хадгалагч лордод, лорд эзэн хаанд мэдэгджээ. Жанжин штабын шийдвэрээр Аракийг Күмамотогоос Токиод шилжүүлэн авчирсан нь учиртай. Шинэ хуйвалдааныг нотлох материал хангалттай байв. Хашиматогийн штабын байр "Алтан зангуу" зочид буудалд байдаг бөгөөд тэнд офицерууд өөрсдийгөө удахгүй болох үйл явдлын баатар хэмээн үзэж, янхан хүүхнүүдтэй өдөр шөнөгүй архидаж байв. Тэд мүгдэнгийн будлианаас хойш сарын дараа ерөнхий сайд Вакацуки, гадаад явдлын яамны сайд Шидэхара нарыг алж, Токиод замбараагүй байдал бий болгоод, улс оронд дайны байдал зарлах гэж байжээ.
Самуун дэгдээгчдийн ард жанжин штабын Чэчэкава, Квантуны армийн Итагаки нар зогсож байсан нь гарцаагүй. Магадгүй нэлээд дээгүүр тушаалын хүмүүс ч бас байсан байж болох юм. Манжуурын дайныг дэмжээгүй хүн бүхнийг зайлуулах гэж байжээ. Хэт үзэлтнүүдийн хэлдгээр Японы батлан хамгаалалтад туйлаас ач холбогдолтой энэ орныг хоцрогдсон Хятадаас тусгаарлаж, хаант улс болгох хэрэгтэй, хаанд өргөмжлөхөд тохирох хүн ч байв. Энэ нь Тянжинд олон жил сууж байгаа, Цин улсын сүүлчийн эзэн хаан ажээ.
Дотоод явдлын яамны сайдад бүр нэлээд нарийн зүйл мэдэгдсэн нь: Квантуны армийн командлагч, генерал Хонжио шинэ засгийн газрын танхимыг толгойлох зөвшөөрлийг Аракигаас авахаар Итагакийг Токиод илгээжээ. Тэр ч байтугай, засгийн газар армитай хамтран ажиллахгүй бол Квантуны арми бие даасан бодлого явуулахаар зарласан тухай цуу яриа гарчээ.
Байдал ярвигтай боллоо. Армитай маргаж болохгүй! Ганц Хашимотаг гайд гаргахаар шийдвэрлэж, хорин таван хоног баривчлаад, жанжин штабаас хөөж, шугамын хороонд явуулав.
Тэр үед тамга хадгалагч лордын ахлах нарийн бичгийн дарга Кидо тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн нь:
"Цэргийнхэн оролцсон Манжуур дахь том хуйвалдааныг мэдлээ. Тамга хадгалагч лордод бараалхаж, энэ тухай мэдээлэв. Манжуурын талаар цэргийнхний явуулж буй шийдмэг бодлого ихэд хүчтэйн улмаас төв засгийн, цэргийнхний санаанд таараагүй шийдвэрийг зөвөөр ойлгох болов уу гэж болгоомжлох болж байна. Миний тухайд гэвэл цэргийнхний хойт зүгт хөдлөх бодлого амжилттай хэрэгжээсэй гэхээс сэтгэл түгшинэ".
Хашимотаг барьж хийсэн цэргийн шорон "Сакүра-кай" нийгэмлэгийн офицеруудыг айлгасангүй. Манжуурыг эзлэн авах явдал өргөсөж японы цэрэг Харбиныг эзлээд, зөвлөлтийн хил дээрх Амар мөрний эрэгт туллаа. Хятад улс японы түрэмгийллийг Олон үндэстний байгууллагад мэдүүлж, лора Литтон тэргүүтэй олон улсын комисс байдлыг судлахаар Манжуур руу гарав. Ерөнхий сайд Вакацүки ийм нөхцөлд Манжуур! японы цэргийн давшилтыг түр ч гэсэн зогсоох хэрэгтэй гээд хэлчихсэн нь хэдхэн хоногийн дараа амь насанд нь халдах хангалттай үндэс болжээ. Хоёрхон жилийн дотор хоёр дахь удаа ерөнхий сайдын аминд халдав! Вакацүки эсэн мэнд үлдсэн боловч, алуурчдаас үнхэлцгээ хагартал айсандаа огцрохоор шийдлээ.
Манжуурт үйл явдал зүй тогтлоороо өрнөж байв. Энэ нь цэргийн хэлбэр, хэрэг явдал төлөвлөсөн ёсоороо өрнөж байгаа ажээ.
Хурандаа Доихара Мүгдэн хотын даргын албан тушаалаас сая чөлөөлөгдөж, Итагакийн чухал даалгавар биелүүлэхээр Тянжин рүү явлаа. Хурандаа саад учирч магадгүй гэж, хунхууз нарыг устгахад авсан хэдэн авдар буу зэвсгийг Тянжин рүү илгээв. Энэ нь цахиур буу, эмтэрсэн сэлэм, хутга, их нударгатны бослогын үеийн хуучин гранатууд ажээ. Энэ бүх хог новшийг бэлтгэлийн агуулахаас хаман авч, перс бичиг, худалдааны пүүсийн тэмдэг, унгаж буй тамхичныг хамгаалсан шар арсланг дүрсэлсэн үл ойлгогдох сүлдтэй урт резин уутанд хадгалдаг хулгайн худалдааны хар тамхины дүрээр Тянжин рүү явуулжээ. Уг нь энэ хулгайн худалдаачид Тянжины боомтоос Хятадын өөр бусад хот руу гардаг боловч, Доихара үүнийг онцолж үзсэнгүй. Хар тамхины уутны хайрцганд буу зэвсэг хийжээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Доихара хятадын эзэн хаан байсан Генри Пу Иг манжуурт байгуулах улсын хаан болохыг ятгаж, эс зөвшөөрвөл хулгайлан Мүгдэнд авчрах зорилгоор Тянжин рүү нууцаар явав. Ятгах ажлыг орон нутгийн хүчээр гүйцэтгэхээр шийджээ.
Эхний үед Тянжинаас, японы гарнизоны дарга, хошууч Касшиагийн үхэр шиг болхи бүдүүлэг ажиллагаанаас болж шинэ хаант улс байгуулах гэсэн бодол нь салхинд хийсдэгийн даваанд тулаад байгаа өөдгүй мэдээ ирэх болсонд Доихара уурлан шатав.
Касшиа хятадын хуучин эзэн хааны өргөөнд очиж, түүнийг айлгаж эхэлжээ. Ард олны сэтгэл ихэд өөрчлөгдсөн тул хотод удахгүй үймээн самуун дэгдэж, хаантны лагшинд гай тотгор тохиолдож ч магадгүй. Хулгай дээрэм, аллага таллага, гал түймэр... гарч мэднэ. Хаантан Тянжинаас явж, Порт-Артур юм уу Дайренд очвол дээр. Тэнд хааныг японы цэргийн ивгээлд амар тайван байлгах болно.
Пу И аймхай бүрэг хүн тул энэ японы бүдүүлэг хошууч урхинд оруулах гэж байгаа юм биш биз? хэмээн сэжиглэж, Тянжинаас явах дургүй байгаагаа хэлэв:-Энд эхнэр, зарц нь байна... Ер нь эд хогшлоо яах вэ дээ... Орхих уу? Үгүй ээ, суурьшсан газраасаа ховхрох дургүй байна...
- Хааны түшмэл ямар улс байна? Тэд ямар үнэтэй улс уу? гэж Доихара асуув.
Хурандаа Доихара Хятадад юм бүгдийг худалдан авч болно, гагцхүү үнэ мэднэ гэж боддог байв. Гэтэл Доихара энэ асуултад хариулт сонссонгүй. Сандлаас үсрэн босож, тасалгаан дотуур уурлан алхав...
Юуны өмнө Генри Пу Игийн ойр орчны хүмүүсээр дамжуулж бэлбэсэрсэн хатан хаанаар, эхнэр, зарц, хаалгачаар нь дамжуулан хөдлөх хэрэгтэй... Энэ бол бага хүүхдийн бодлого шүү дээ!
Доихара хуучин эзэн хааны ойр орчны бүх хүний хор шар, ховдог шунахай байдал, эмс хүүхэн, нэр алдарт дуртай эсэх зэрэг бүх зан үйлийг даруй мэдэхийг тушаав.
Аравдугаар сарын хуучаар Доихара Тянжинд очлоо. Байдлыг тодруулах гэж хэд хонов. Түлхэн унагаагдсан эзэн хааны гэр бүлд үйлчилдэг, ордны зарц, шивэгчингүүдийн нэрсийн жагсаалтыг харж, тархиа удтал зовоосны эцэст хоёр хүн дээр тогтов. Нэг нь Пу-Игийн эх, нэрэлхүү, ухаан муут эмгэн, нөгөө нь хуучин эзэн хаанд туйлаас үнэнч, ордны захирагч Чэн Сяо ажээ.
Хурандаа Доихара эхлээд, хааны ордонд нэрийн хуудсаа явдлын далимаар энд ирээд байгаа японы армийн хурандаа Доихара Кэнжийн хаанд бараалхах гэсэн хүсэлтийг эзэн хаан Сюань Тун (Хэвт ёс) нигүүлсэн соёрхоно гэдэгт итгэж байгааг илэрхийлсэн ялдамхан захидлын хамт илгээв.
Доихара захидалдаа, "хуучин" юм уу эсвэл "эзэн хаан агсан" гэсэн үг оруулалгүй, зориуд түүнийг Цин улсын хаанаар хэвээр байгаа мэт Сюньтун хэмээн өргөмжлөн дууджээ.
Доихара бараалхахдаа алтан саа гялалзсан ёслолын хувцсаа өмсөж энгэртээ "Ариун эрдэнэ", "Алтан элээ", "Мандах нарны хоёр сацраг" зэрэг бүх одон тэмдгээ, ташаандаа самурайн жагсаалын сэлмээ зүүжээ. Доихара дотор өрөөнд сүрлэг алхаж орлоо. Түүнийг ордны захирагч, зальтай байрын ахимаг хятад дагалдан явав. Ордон доожоогүй харагдана. Хавчиг цонхоор туссан сүүмгэр гэрэл, эртний эд юмс эмх журамгүй овоолсон хуучин ховор эдлэлийн дэлгүүрийг санагдуулам олон цувраа ерөө нь ордныг доожоогүй муу харагдуулна.
Генри Пу И хурандааг зочдын жижиг өрөөнд хүлээн авав. Ордны захирагч тэр хоёрыг үлдээгээд гарав. Доихарагийн өмнө нүүрээ бүрхэх шахсан том эвэр шилтэй, залуу хятад сууж байлаа. Генри Пу Игийн жижиг царайд зохиогүй том ам нь түүнийг өвчтэй, эрх мэдэлгүй харагдуулна. Түүний ярихад том орсгой шүдтэй буйл нь цухуйна.
- Миний цэргийн алба хааж, харьяанд нь багтдаг Квантуны армийн зүгээс таныг гүнээ хүндэтгэн байдгийн баталгаа болгон би нааш ирлээ гэхэд нь
- Танд баярлалаа! гэж Пу И намуухан дуугаар хайхрамжгүй хариу хэлэв.
Эхэндээ яриа олигтой болохгүй, Пу И ганц нэг үгээр хариулж байв.
- Би хошууч Касшиагийн бодлогогүй үгэнд уучлал гуйх ёстой. Тэр таныг Тянжинд байхад учирч болох аюулын талаар ярихдаа, яах аргагүй хужрыг нь ихдүүлсэн байна гэж Доихара хэлэв.
- Та тэгж бодож байна уу? гэж Пу И сэргэн асуув.
- Гарцаагүй тийм... Ер нь өндөр гаралт хүнд, тэгэх тусмаа манжуур улсын хаан ширээ, өвөг дээдсийн тань ширээ хүлээж байгаа тан шиг ийм хүнд ямар нэг аюул байнга заналхийлж байдаг л даа. Гэвч бид таны аюулгүй байдлыг хангах бүхнийг хийх болно.
- Тэнд намайг хүлээж байгаа гэж та бодож байна уу?
Пу Игийн нүд нь гэрэлтсэнээ тэр даруй урамгүй болохыг
Доихара ажиглав.
- Энд хоёрдмол ойлголт байж болохгүй! Ард түмэн таныг хүлээж байгаагаас гадна, Японы эзэнт улс таныг найрамдалт Манж-го улсын хаан болоход дуртай байх болно гэдгийг би нуухгүй. Би манжуурыг эртний нэрээр нь нэрлэлээ. Таныг хаан ширээнд суухад цаг үеийн байдал таатай нөлөөлж байна. Энэ бололцоог алдаж болохгүй гэж хурандаа ярилаа.
- Хурандаа, та түүх сайн мэдэж байна шүү.
- Тийм ээ, би танай оронд хайртай бөгөөд таныг хаан ширээнээс зайлуулсан явдалд харамсаж явдаг юм. Энэ явдлын эзэн нь ачийг мэддэггүй хятадын дорд ард... Та хятадаас тусгаар тогтносон Манж-го улсын эзэн хаан болох ёстой.
- Үгүй ээ, энэ их ярвигтай хэрэг гэж Пу И эсэргүүцэв. Гэвч Доихара эгзгийг нь тааруулснаа мэдэж, зугуухан шалсаар байв...
Ярианы эцэст Доихара хэлсэн нь:
- Таныг хүсвэл, би Токио руу явахаа больж, таны аюулгүй байдлын талаар анхаарал тавихад бэлэн байна... Та зөрсний хэрэггүй! Би хэлсэндээ хүрч хамгаална. Гэвч одоо тэнд айх юмгүй гэдгийг хэлье. Баяртай!..
Ордны захирагч, нөгөө Чэн Сяо түүнийг үүд хүртэл үдэж өгөв. Доихара түүнд
- Ноён Чэн Сяо, би тантай уулзмаар байх юм. Залуу хааны аюулгүй байдалтай холбогдсон чухал асуудал... Татгалзахгүй бол өнөө үдэш ордны үүдэнд, таныг машин тосох болно гэж хэдэн үг шивнэж амжжээ.
- Холхон шиг зайдуу зогсвол зүгээр гэж захирагч бас шивнэн хариулав.
Доихара үдэш харанхуй болоход, тогтсон цагтаа ордны дэргэдүүр өнгөрч, машинаа хамгаалалтын далангийн дэргэд зогсоов. Тэр даруй Чэн Сяо ирж, боомтноос холгүй орших японы комендантын газар руу явцгаалаа. Доихара түүнтэй, Пу Итэй ярьснаас өөрөөр ярив.
- Ноён Чэн Сяо, би танай эзэнд заналхийлж байгаа аюул заналыг танаас нуугаад яах вэ. Би таны Сюан Тунд хаанд үнэнчийг мэдэх тул бүх үнэнийг танд яримаар байна. Тянжинд "Төмөр ба цус" гэдэг нууц нийгэмлэг ажиллаж, үймээн самууныг ашиглан, хааныг ширээнд суулгахгүй, алахыг завдаж байна. Хааныг түр ч болтугай японы консулын газарт шилжин суулгахын тул бүхнийг хийх хэрэгтэй. Тэнд аюулгүй.
- Генри Пу И үүнийг зөвшөөрөхгүй. Ингэх нь түүнд хэцүү гэж ордны захирагч сөрөв.
- Та ятга! Та бол түүний хамгийн итгэмжлэгдсэн түшмэл. Би эндүүрээгүй бол та багш нь байсан биз дээ. Тэр танд багаасаа дассан хүн.
- Тийм ээ, энэ үнэн.
- Та үгэндээ оруулахыг хичээгтүн. Түүнийг өвөг дээдсийн нь хаан ширээ хүлээж байна. Та ерөнхий сайд болж ч юуны магад. Энэ талаар бодож үзээрэй, би танд туслахад бэлэн...
Доихара эхний яриагаараа Чэн Сяог ятгаж, тэгэх тусмаа өөрийн талд татаж чадаагүй боловч эх үүсвэр нь тавигджээ. Зарцаас ерөнхий сайд болоход хэн татгалзах юм бэ.
Доихара ажлаа үргэлжлүүлж, өөрийн үнэн зөвийг нотлох зорилгоор үймээн гаргахаар бэлтгэж байтал, хятадын нэгэн сурвалжлагч золтой л хөөдсөнгүй. Тянжины "Иши бао" сонины арван нэгдүгээр сарын хоёрны дугаарт сонирхолтой мэдээ нийтлэгдсэн нь:
"Мүгдэн хотын шинэ дарга, японы онцгой төлөөлөгчийн газрын дарга, хурандаа Доихара Тянжинд нууцаар ирэв. Тэр Тянжинд суугаа хятадын хуучин эзэн хаан Генри Пу Иг хулгайлах төлөвлөгөө боловсруулж байна".
Доихара сонинг шүдээ зуун уншихад, нүүрний нь арьс гүрэлзэн байв... Тэр төлөөний сайдыг дуудан авчирч, сонинг дуугүй өгөөд
- Энэ юу вэ? Хэн ингэсэн бэ? гэв.
Төлөөний сайд мэдээг уншаад, мэгдэн
- Мэдэхгүй, учрыг олъё... гэж бувтнав.
- Учрыг ол, тэгээд... гэснээ Доихара богино сэлмээр хэн нэгний толгойг цавчих мэт долоовор хуруугаараа агаар зүсээд - Тэгээд... устга гэв.
Доихара өөрийг ялагдлаа гэж амархан хүлээдэггүй хүн. Тэр хэзээ ч замын хагаст зогсож байсангүй.
Удалгүй Тянжины зах дээр, хотын хаяа дүүргүүдэд үймээн бужигнаан гарч, согтуу улс зодолдон, энд тэндгүй дэлгүүр мухлагийг дээрэмдлээ. Худалдаачид дэлгүүрээ яаран хаав. Цагдаагийн газар оролцсон боловч, самуун зогссонгүй Хотод цаг ямагт буун дуу сонсогдож, бүр гранат дэлбэрэх бөгөөд юу болж буйг хэн ч үл ойлгоно. Пу Игийн ордны ойролцоо сэжигтэй хүмүүс хэрэн явна.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Доихарагийн үзэж байгаагаар хотын доторхи үймээн самуун удаашралтай өрнөж байв. Нэг хүчтэй болсноо, тодорхой шалтгаангүйгээр суларна. Уг нь гудамжинд олон хүн үймж, буудалцан, дээрэм тонуул, аллага таллага хийсэн ёстой жинхэнэ үймээн самуун түүнд хэрэгтэй байлаа. Тэр төлөөний сайдыг дахин дуудаж
- Бидэнд ажиллах нөхцөл хэрэгтэй... Та цаад ядуу гуйлгачдаа идэвхжүүлэх талаар санаа тавиач... гэв.
Доихара Генри Пу Игийн ордон руу дахин явлаа. Түүнийг даруй хүлээн авав.
- Байдал түгшүүртэй болж байна гэж Доихара айсан өнгөөр хэлээд - Хотод үймээн самуун гарч байна. Хэн үүнийг өөгшүүлж байгаа нь тодорхой. Одоо би таныг японы консулын газарт нуугдаач гэж хичээнгүйлэн зөвлөж байна.
Пу И гайхшран байвч Доихарагийн үгэнд яаран орсонгүй... Тэр хотод болж байгаа явдлаас айж, гадагш гарахаа байж, өдөржингөө өрөөндөө суудаг болов. Гэтэл дахиад ганц хоёр хонотол замбараагүй явдал улам ширүүсэж, Пу Игийн зөрүүд зан нугарав. Ордны захирагч Чэн Сяогийн зөвлөлгөө ч бас тус дэм боллоо.
Нөгөө үл таних сурвалжлагч Доихараг сүүдэр шиг дагасаар байсанд цэргийн төлөөлөгчийн газрын даргын хилэн ихэд бадрав. "Иши бао" сонинд анхны мэдээний үргэлжлэл болсон "Доихара Тянжинд нууцаар айлчилсан нь" гэсэн гарчигтай шинэ мэдээ гарав. Үүнийг нэг хүн бичсэн нь мэдээж.
"Доихара Манжуурын тусгаар засгийн газрыг байгуулж, толгойлохыг Пу Ид ятгах зорилгоор, Японы цэргийн яамны сайдын тушаалаар Тянжинд ирсэн нь илэрхий билээ" гэж сонинд мэдээлжээ.
Доихарагийн далд дайсан ганц Тянжины сонины сурвалжлагчаар зогссонгүй. Доихараг Мүгдэнгээс Тянжин рүү гармагц Токио руу барон Шидэхарад нууц цахилгаан утас явлаа. Мүгдэнгийн консул гадаад явдлын яамны сайдад бичсэн нь:
"Шифрээр. Нууц, Барон Шидэхарад. Квантуны армийн штабын хэсэг офицер эзэн хаан Сюань Тунг Манжуурт аваачих гэж оролдож байна. Эзэн хаан Тянжинаас авах дургүй байгаа учир энэ төлөвлөгөө одоогоор амжилт олоогүй байна. Өөр төлөвлөгөө гарав. Ийм хэрэгт туршлагатай Үэзүми гэгчийг, эзэн хааныг Танкүд аваачих, тэндээс усан онгоцоор Инкэуд хүргүүлэхээр Тянжин рүү явуулав. Хааны ордон хятадын цагдаагийн газрын хатуу хараанд байдаг учир энэ төлөвлөгөө бас хэрэгжсэнгүй. Энэ төлөвлөгөө амжилтгүй болмогц, уг үүргийг гүйцэтгэхийг хурандаа Доихарад даалгажээ. Тэр Дайренаар дамжин Тянжин орохоор өчигдөр үдэш эндээс нууцаар гарав. Дайренд улс төрийн тодорхой үзэл баримталдаггүй өөр хэдэн хүн түүнтэй нийлж магадгүй".
Ерөнхий консулын мэдээллийн хариуд гадаад явдлын яамны сайд Квантуны армийн штабын офицеруудын үйл ажиллагааны талаар Токиод нэн даруй мэдэгдэхийг хүссэн нууц зааврыг Тянжин, Инкэу, Мүгдэнгийн консулд яаралтай илгээв. Тэр, хэрэв хятадын сүүлчийн эзэн хаан Мүгдэнд очихыг зөвшөөрөөгүй цагт түүнийг хулгайлах төлөвлөгөө үр дүн өгөхгүй гэж үзээд Тянжингийн консулд хааны үзэл бодлыг ийн тайлбарлажээ:
"Бид энэ бүхнийг эзэн хаан сайн дураар ирсэн хэлбэрээр хийлээ ч гэсэн энэ будлианыг нууцална гэдэг туйлаас бэрх тул бусад гүрэнд итгэлээ алдаж, хүнд байдалд орох болно".
Японы гадаад явдлын яамны сайд энэ үеэс эхлэн, болж буй үйл явдлын дунд байнга байх боллоо. Тянжинаас цахилгаан утас ирсэн нь:
"Бид таны заавраар, болгоомжтой ажиллахыг Доихарад ойлгуулах гэж аль болохоор оролдсон боловч, тэр өөрийнхөөрөө зүтгэсээр байна. Хурандаа Доихара Квантуны армийн штабаас өөрт нь олгосон бүрэн эрхээр гул барьж, одоо жирийн байдлаар үйл явдал өрнөх найдлагагүй тул эрс шийдмэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж байна. Тэр нэг талаар Япон улс эзэн хааныг хулгайлахад ямар ч хамаагүй гэсэн байдал бий болгохын чухлыг зөвшөөрч байвч, нөгөө талаар энэ хэргийг Инкэу боомтыг хөлдөхөөс өмнө амжуулах гэж яарч байна. Сюань Тунг, чимээ дуулианаас болгоомжилж, хятадын хөлөг онгоцоор Инкэуд аваачих бодолтой байна"
Доихара ажлаа үргэлжлүүлсээр байлаа. Арван нэгдүгээр сарын зургааны өглөө, өөрийгөө Фынтянаас яваа Чи Саосин хэмээн нэрлэсэн жимсний худалдаачин эзэн хааны ордны үүдэнд хүн хөлгөөр ирж, нэрийн хуудсаа үзүүлэв. Тэр эзэн хаанд сагстай жимс дамжуулж өгөхийг хүсэж бөндөгнөн бөхөлзөв. Энэ жимс хааны таалалд нийцвэл, үнэ өртөг авахгүй гээд хаанд өргөл өргөх нь аз завшаан хэмээн ярив.
Тэрэгний суудал дээр тавьсан дал модны хар ногоон навчин сагсанд үнэхээрийн сайхан жимс байлаа. Хурц шаргал амтат зүрж, гялгар улаан алим, боловсорч гүйцсэн шар лийр харагдана. Овоолоостой жимсний дээр гадил, захаар нь алтлаг зүржлэг жимс тавьж чимжээ... Худалдаачин суудал дээрээс сагстай жимсийг болгоомжтой авч, зарцад өглөө.
- Үүнийг хаанд өөрт нь, нэрийн хуудасны хамт заавал өгөөрэй. Би маргааш бас авчирна...
Худалдаачин бөхөлзсөөр, хүн хөлөгт сууж, хотын зүг одлоо.
Зарц жимсийг дотогш оруулж, ордны захирагчид өгөв. Чэн Сяо сагстай жимсийг зочдын өрөөнд баярлан оруулж, Пу Игийн өмнөх ширээн дээр тавиад
- Харьяат ард тэнь таныг мартаагүй байна гэж тал засан хэлээд, хоёул жимсийг том царанд хийж эхлэв.
Гэнэт хурууны үзүүрт нэгэн дугариг хар юм дайралдсанд
Чэн Сяо гараа суга татан аваад, бөмбөг хэмээн ойлгож, айж сандран
- Хүрч болохгүй, хүрч болохгүй! гэж хашгирав.
Чэн Сяо сагсыг болгоомжлон өргөж, гэрээс холдуулан цэцэрлэгт аваачаад, гар нь салгалан газарт тавилаа. Тэр энэ нь асаагуурыг тасалж, аюулгүй болгосон хуучин гранат болохыг мэдсэнгүй.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:08 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Хурандаа Доихараг үзэн ядагч, Тянжины "Иши бао" сонин маргааш нь бичсэн нь:
"Өчигдөр хуучин хаан Пу Ид сагстай жимсэн дотор хоёр бөмбөг хийж оруулж өгсөн нь, азаар тэсэрсэнгүй. Түүнээс гадна Пу И "Төмөр ба цус" хэмээх нууц нийгэмлэгийн штаб болон хятадын коммунист намын Тянжины салбар, мөн бусад үл мэдэх хүмүүсээс заналхийлсэн хэд хэдэн захидал авав".
Энэ бүхэн Пу Игийн тээнэгэлзлийг тас цохиж, тэр зөвшөөрч, бүр Тянжинаас явах гэж яарах болов. Нөгөө муу сурвалжлагч хурандааг салахгүй дагаж, "Иши бао" сонинд дахин бичсэн боловч, Доихара санасандаа хүрч, баяртай байлаа.
Арван нэгдүгээр сарын арван нэгний сонинд мэдээлсэн нь:
"Өчигдөр, өдрийн гурван цагт японы татуур онгоц хэдэн энгийн хүн, хэсэг япон цэрэг суулган гол уруудан явлаа. Энэ онгоцоор хуучин эзэн хаан Пу И-г хулгайлан авч явсан бололтой. Түүнийг автомашинаар зогсоолд аваачиж, тэндээс хурандаа Доихарагийн удирдсан зэвсэгт цэргээр хамгаалан татуур онгоцоор японы "Имажи марү" хөлөг онгоцонд хүргэв".
Нэг өдрийн дараа Инкэуд суугаа японы консул Тянжинаас Пу Игийн алга болсон тодорхой мэдээг Токиод дамжуулав:
"Имажи марү" онгоцны ахмадаас миний мэдсэн зүйлийг үзвэл, хурандаа Доихара Тянжинаас Пу Иг зугтаалгах хуйвалдааныг толгойлж зохион байгуулсан нь тодорхой байна, Түүнийг шадар хүмүүсийнх нь хамт японы концессийн машинаар нууцаар зогсоолд аваачиж, тэндээс хоёр пулемёт бүхий зэвсэгт цэргээр хамгаалан татуур онгоцонд суулган Танкуд аваачжээ. Энд "Имажи марүд" суулган, далайд гарчээ".
Тэр үеэр барон Шидэхара бас нэг нууц цахилгаан утас Мүгдэнгээс авав. Консул гадаад явдлын яамны сайдад нэмж мэдээлсэн нь:
"Яаралтай. Шифрээр. 1931 оны арван нэгдүгээр сарын 13. Эзэн хаан Сюань Тун Инкэуд ирээд, японы цэргийн захиргааны мэдэлд байж байгаа тухай Квантуны армийн командлагч, генерал Хонжио өнөөдөр надад мэдээлэв. Түүнийг хэд хоног рашаан амралтын хот Тан Канзыд, "Тайсүйкакү" буудалд байлгаад, Порт-Артурт аваачих гэж байна.
Арми, эзэн хааныг хулгайлахад оролцсоноо бүрэн үгүйсгэх бодолтой байна. Хэрэв тэд үүнийг үгүйсгэж эс чадвал, Тянжинд амийг нь хорлох гэж оролдсоны дараа эзэн хаан өөрөө тусламж хүссэн гэх болно. Сагстай жимсэн дотор бөмбөг хийж өгсөнд, Сюань Тун өөрөө зугтах төлөвлөгөө зохиож, хэд хоногийн дараа өөрийн эцэг өвгөдийн өлгий, Манжууртаа ирсэн ажээ.
Хуучин эзэн хааны хатан, Тянжинд үлдээд байгаа Суань Тэг оргуулахаар бэлтгэж байгаа тухай мэдээ надад, өөр замаар мэдэгдлээ. Тэр хүүхэн Манжуурт очихыг шийдвэртэй эсэргүүцэж байгаа нь цэргийнхний уурыг хүргэж байна".
Тянжины консул хоёр долоо хоногийн дараа Токиод цахилгаан утас илгээв.
"Японы эсрэг эрс шийдэмгий үзэлтэй, хорин хоёр настай хатан хаан Суань Тэ өчигдөр шөнө ордныг сэм орхин, Дайрен орох "Чосэн марү" хөлөг онгоцоор явлаа. Хэд хоногийн өмнө эр нөхрийнх нь шар торгон дээр бичсэн захидлыг хувцсан дотроо нууцлан оёж, Итагакийн даалгавраар авчирч өгсөн япон хүүхэн Кавашима Ёшика хатан хааныг дагалдан явав. Тэр хүүхэн эрэгтэй хүний хувцас өмсөн ордонд очиж, сая зугтсан эзэн хаан Сюань Туны хувийн тамга дарсан захидлыг гардуулжээ. Эзэн хаан Сюань Тэг Манжуурт ирэхийг захидалдаа хичээнгүйлэн гуйсан байв. Энэ тухай надад уг явдлыг удирдсан, армийн төлөөлөгч ярив".
Одоо Цин улсын сүүлчийн эзэн хааны гэр бүлийхэн цөмөөрөө Манжуурт, Квантуны армийн хяналтад байлаа. Гэтэл сонинуудад дэгдсэн шуугиан хянуур байхад хүргэв. Гадаад явдлын яамны шаардлагаар генерал Минами Сюань Тун буюу Генри Пу Иг хаан ширээнд яаран өргөмжилсний хэрэггүй гэж Квантуны армийн командлагчид тушаав.
Рихард Зорге тэр үед Манжуурын талаар бас л тогтмол мэдээ авч байв. Каваигаас ирсэн анхны захидлаас үзэхэд л энэ хэрэг явдал хэчнээн ноцтой болж байгаа нь илт байв.
Квантуны арми дайны байдалд орж, цэрэг, зэвсэг нэмэн ирж байна. Японууд түрэмгийллийн хүрээг өргөтгөж, Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хилд дөхөж байна. Квантуны армийн командлал Манжуурт хятадаас тусгаар, бие даасан улс байгуулахыг шургуу эрмэлзэж байна. Энэ саналыг Токиод сайшаан угтсан боловч, иргэний ба цэргийн захиргааны хооронд ноцтой сөргөлдөөн үүсэв. Гэвч энэ бол гагцхүү тактикийн асуудалд хамаарахаас биш, хэргийн мөн чанарт хамаагүй. Командлагч Хонжио японы жанжин штабын төлөөлөгчидтэй байнга зөвлөлдөж байна. "Асахи" сонины сурвалжлагч Такэүчи хэд хэдэн удаа хурандаа Доихаратай уулзахад, тэр цэргийнхний түрэмгий бодлогыг ул нуун, нэлээд илэн далангүй ярьжээ. Хурандаа Доихара хуучин эзэн хаан Пу И-г Манжуурт аваачихаар Тянжин руу явжээ. Одоо Пу И Порт-Артурт сууж байгааг үзвэл, түүний төлөвлөгөө амжилтаар төгссөн нь илэрхий. Доихара Тянжинд сэм очсоноо нууж чадсангүй, түүний нууц ажиллагааг хятадын сонинууд мэдсэн байна гэж Каваи бичиж байв.
Каваи цуглуулсан мэдээндээ нэмэлт болгож, хэд хэдэн сонины хайчилбар ирүүлжээ. Зорге тэдгээр хайчилбарын нэгийг уншив.
"Өчигдөр Тянжины гудамжинд Пу И-г хулгайлсан тухай сонинд мэдээлсэн. "Иши бао" сонины ажилтны хүүр олдов. Алуурчдыг олсонгүй".
Доихарагийн хүмүүс сонинд хэн мэдээ өгч байсныг тодруулж чадсан нь, улбаа нь цааш сунаж, Каваид хүрэх биш байгаа гэж сэрэмжлэх сэтгэлийг Зоргед төрүүлэв
Анхны мэдээ ирснээс хойш, удтал Каваигаас сураг чимээгүй болж, захидал ч, урьдчилан мэдэгдэх ил захидал ч ирсэнгүй. Дараа нь гэнэт, тэр өөрөө Шанхайд ирлээ. Хурандаа Итагаки Токио руу явж, Каваи мэдээ авах эх сурвалжгүй болсон хэрэг байжээ. Тэгээд Каваи Шанхайгаар түр орж, өөрийн ажигласан зүйлийг биечлэн ярихаар шийджээ.
Озаки, Зорге, Каваи Тэйкичи гурвуул зөвлөлдөв. Дараа нь Рихард авсан мэдээгээ, Луизагийн тавьсан хөгжмийн эгшгийн чимээнд Клязьтай судлан ярилцав.
- Энэ ресторан намайг залхааж гүйцлээ, хоосорсон ч хамаа алга! гэж Клязь хэлээд инээв. Клязь лангууны араас шууд ирсэн тул ханцуйвчтайгаа байв.
Рихард түүнийг хүлээж, Луизатай хоёул дэмий юм ярьж суув.
Дэлгүүрийг чинь хулгайлсан багадаад байна уу... Хувийн өмчтөн болж чадахгүй чинь илт байна... Алив, чи Луиза одоо Моцартыг тавиач. Ашигтайг аятайтай хосолъё, Танайд "Шидэт лимбэ" байхгүй юу?
Рихард Каваитай уулзсанаа ярив.
- Юуны өмнө, японы түрэмгийлэн эзлэлт зөвлөлтийн эсрэг чиглэсэн нь тодорхой байна гэж тэр хэлэв.
- Энэ бол шинэ зүйл биш. Ийм чиглэл олон жил болж байна. Каваи тодорхой юутай ирэв? гэж Клязь хэлэв.
- Ирээдүйн хэмжээгүй эрхт эзэн хаан Пу Итэй хийх гэрээний төслийг авчирсан. Япончууд хэмжээгүй эрхт хаант улсыг цэргийн гэрээнээс эхлэн байгуулж эхлэв. Хонжио бүх манжуур даяар цэргээ байлгах эрх олгохыг шаардаж байна.
- Лавтай мэдээ юу?
- Тийм гэж бодож байна. Хурандаа Итагакигаас авсан мэдээ. Тэр Квантуны армийн командлагчийн баруун гарын хүн... Гэрээнд, хэрэв гурав дахь гүрэнтэй зэвсэгт мөргөлдөөн гарвал, Японы армийн командлалыг бүрэн чөлөөтэй ажиллахаар тусгажээ... Зөвлөлт Оросыг хэлж байна. Манжуур-Японы цэргийн командлал Квантуны армийн штабт шилжих ажээ.
- Энэ ойлгомжтой гэж Клязь хэлээд, хуруугаараа шүдээ тогшив. Тэр хөгжим чагнан, дуугүй сууна. Рихард бас дуугарсангүй.
Дараа нь тэд, дахин ярилцаж, японы улс төрийн бодлогын байж болох хувилбарыг хэлэлцлээ. Рихард Москвад явуулах мэдээний ноорог хийв. Клязь бага зэрэг засвар оруулмагц, Луиза шифрлээд, бүрх малгайгаа өмсөж, цүнхэндээ мэдээ бүхий цааснуудыг хаман хийгээд, Макс Клаузен руу явлаа.
Луизаг явсан хойно, эрчүүл хэсэг суулаа.
Рихард өгүүлрүүн:
- Чи, Каваин ярьсан, Доихарагийн хөгөө чирсэн хөгтэй явдлыг сонсооч. Сюань Туны хамт Тянжинаас цэргээр хүрээлэгдэн буцаж ирснийх нь дараа болсон хэрэг... Ма гэдэг генерал байдаг ажээ. Японууд түүний цэргийг Цицикараас цохиж гаргасанд, тэр хойт зүгт ухарчээ. Доихара түүнийг эндээс олж, японы талд орохыг ятгаж, орон нутгийн захиргааны тэргүүн юм уу цэргийн яамны сайд болохыг санал болгожээ. Ма сая долларын алтан ембүү өг гэжээ. Доихара зөвшөөрсөнд нөгөө генерал Ма алтыг нь аваад, цэргийнхээ хамт зугтчихжээ...
- Мөнгөөр зодох гэдэг хүнийг тэгэх нь зүйтэй! гэж Клязь инээд алдав.
Каваи удалгүй Мүгдэн рүү буцлаа. Манжуур Зоргегийн анхаарал татсаар байв. Рихардад шууд Квантуны армийн штабаас мэдээ ирнэ: Тагнуулчид, америкчууд манжуурын явдалд хамаатай болохыг өөр замаар мэдэв. Вашингтонд суугаа Японы элчин сайд, Вашингтон шинэ Манж-го улс байгуулахыг эсэргүүцэх бодолгүй байна гэж өөрийн гадаад явдлын яаманд мэдээллээ. Америкийн харгис хүчин Зөвлөлт Холбоот Улсын хил дээрх түрэмгий явууллагыг хөхүүлэн өөгшүүлж байлаа.
Зөвлөлт засгийн газар Манжуурын тухай мэдээг үндэслэж, арван хоёрдугаар сарын хуучаар, хоёр орны дунд үл довтлолцох тухай гэрээ байгуулахыг Японд санал болгож, Москва тулгараад байгаа мөргөлдөөнийг зайлуулахыг эрмэлзэв. Токио удтал дуугүй байсны эцэст Москвад суугаа японы элчин сайд өөрийн засгийн газрын нэрийн өмнөөс, Япон улс энэ талаар албан ёсны гэрээ байгуулах нь цагаас эртэдсэн хэмээн үзэж байна гэж мэдэгдэв...
Алс Дорнодын улс төрийн тэнгэрт далайн тэртээх Японы зүгээс ирэх хар бараан үүл улам бүр хурж, Доктор Зорге ба түүний нөхөд чухамхүү гарч болзошгүй дайны аянгын дор ажиллаж байлаа.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:08 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ЖИРИЙН ӨДРҮҮД

Мүгдэнгийн будлиан болон тивийн үйл ажиллагааны цаашдын өрнөлт цэргийнхэнд шинэ цол, одон, мөнгөн шагнал авчирлаа... Хорлон сүйтгэгч, тагнуулч Итагаки Сэйширо ч өөрийн хувийг хүртэв. Тэр генерал болж энгэрт нь "Мандах нар" одон шинээр нэмэгджээ. Үүнтэй холбогдуулж, сурвалжлагч Такэүчи Итагакийг хүндэтгэж байдгийн илрэл болгож, шинэ цолоор шагнуулсанд нь баяр хүргэхээр Мүгдэнгийн цэргийн төлөөлөгчийн газарт очив.
Итагаки сэтгүүлчийг, тасалгааныхаа арын жижиг өрөөнд хүлээн авав. Энэ өрөөг итгэмжлэгдсэн энгийн яриа ярихад зориулан хийлгэжээ. Энэ өрөөнд намхан ширээ, өвс үнэртсэн сийрсэн дэвсгэр дэвсэж, хананд нь эртний зураачдын арга барилаар хийсвэр гэнэн зурсан зурагтай, мөн л эртний сургаал үг бичсэн какэмоно хаджээ. Цаг хүйтэрсэн тул өрөөнд улаан цог дүүргэсэн ногоон паалантай вааран хоовон оруулж тавилаа. Сакэ ууж, дөнгөж сая далайн түүхий загасаар хийсэн амтлаг хоол, агшааж хөргөсөн цагаан будааг шошийн хүчтэй шүүс, дарсны цуугаар даруулж идэв.
Яриа манжуурын асуудалд шилжихэд, Такэүчи асуусан нь:
- Генерал аа, одоо Манж-го улсын хилийг тодорхой тогтоож болох уу? Миний хувьд нэг л тодорхой бус байх юм...
- Хил ий? гэж Итагаки давтан асуугаад хөхрөн - Такэүчи-сан, цэргийн хүмүүст хил байдаггүй юм... Цөм нөхцөл байдал, армийн амжилттай юм уу амжилтгүй ажилллагаанаас хамаарна... Тосны толбонд хил хязгаар байдаг бил үү? Харж байгаарай!..
Итагаки цаас авч, зөөлөн хар харандаагаар, хятадын цагаан хэрэм, Япон тэнгисийн эрэг, Амар мөрөн, Монголыг... бүдүүвчлэн зураад, дараа нь шаазан лонхтой шошийн тос авч цаасан дээр хэдэн дусал дусаав. Толбо нүүж, цаас гэрэлтэх болов.
- Та энэ толбоны хаана зогсохыг мэдэх үү? Хаана зогсох нь цаасанд дуссан тосны хэмжээнээс хамаарна. Дахиад тос нэмбэл өөр хил тогтоно. Бидний хувьд бол хэчнээн цэрэг дайнд орсноос хамаарна.
Тосон толбо нүүж, Амар мөрөн, Хятадын хэрмийг давлаа.
- Такэүчи-сан, та миний ярьж байгааг ойлгов уу. Үүнийг танд ярьж байгаа болохоос хэвлэлд зориулаагүй юм шүү.
- Хараач, тосон толбо Амар мөрнөөс цаашилж, оросын Өвөр Байгалд хүрлээ гэж Такэүчи хэлэв.
- Ёстой зөв! Зүүн Азийн их цэцэглэн мандалтын хүрээнд хойт, өмнөд газар нутаг багтаж байна. Какко Ичио! Энэ бүхэн цөм японы дээврийн булан. Токиод бидэнд саад болох хүмүүс байгаа нь харамсалтай, гэвч сийрэг далан усны их урсгалыг удаан тогтоож чаддаггүй...
Үнэхээр ч, Токиод, цэргийнхний иргэний засагтай хийсэн нууц тэмцэл үргэлжилсээр байв. Аминд халдсанд айж мохсон Вакацүкийн оронд ерөнхий сайд болсон Инүкай бас л, жанжин штабыг тойрон хүрээлсэн хэт даврагчдын сэтгэлийг хангасангүй. Цэргийн яамны сайдаар генерал Араки болсныг ололт гэж үзэж болох ажээ. Тэр Минамийг бодвол улс төрийн тавцан дээр нэлээд нөлөө бүхий хүн байв.
Ерөнхий сайд Инүкаин үйл ажиллагааны хувьд гэвэл тэр засгийн эрхэнд гарсан анхны өдрөөсөө эхлэн цэргийн талынхны дургүйг хүргэв. Инүкаиг японы ерөнхий сайдын өргөөг эзлээд хоёр долоо ч хоноогүй байтал, эзэн хааны ордны сайд Мацүдайра шинэ засгийн газрын тэргүүнд ирж, хаан хүлээн авахыг соёрхож байгааг мэдэгдэв. Тогтсон цагт ордны сүүх тэрэг Инукаиг авахаар өргөөнд нь ирнэ гэж ордны сайд бас мэдэгдэв.
Инүкаи морьт өмөг цэргээр хамгаалуулан, генерал Танака болон Японы бусад ерөнхий сайд нарын хүлээн авалтад очихдоо сууж явсан, эзэн хааны жүчээнээс морьд хөллөсөн задгай сүүх тэргээр ордонд хүрэлцэн ирлээ. Ордны доторхи хуучин ёс дэглэм хэвээр үргэлжилнэ. Сүүх тэрэг давхар гүүрээр гарч, гол хаалгаар дамжин дотор хашаанд орж, хуучин байшингийн үүдэнд зогслоо. Яг тогтсон цагт, эзэн хаан ордны нэгдүгээр танхимд орж ирэв. Тэр цэргийн хувцас өмсөж, энгэртээ, гагцхүү эзэн хааны овогт хүмүүсийг шагнадаг, том "Шиватих цэцэг" одонгоо зүүжээ.
Инүкаи хааны ширээнд дөхөж, бэлтгэсэн үгээ уншин мэхийгээд хэдэн алхам ухарлаа. Үүгээр бараалхалтын ажиллагаа төгссөн боловч эзэн хаан яриаг үргэлжлүүлэхийг хүсэж, Инүкаиг герман хийцийн тавилга тавьсан, өөрийн зочдын өрөөнд урив. Диваны дээд талд, баавгай, арслантай тулалдаж байгаа морьтой хүмүүсийг дүрсэлсэн Аугсбургийн том хүрэл баримал сүртэйеэ харагдана. Хана дагуулан севрийн шаазан, францын хүрэл савтай цэцэг тавьжээ...
Ярианд эзэн хаанаас гадна, түүний ордны сайд, тамга хадгалагч лорд, түүний ахлах нарийн бичгийн дарга, маркиз Кидо байлцлаа. Шинэ танхимын колоничлох бодлогын талаар ярилцав.
- Арми таны саналын эсрэг зогсвол, та яах вэ? гэж Хирохито асуув.
Дөнгөж сая Инүкаи өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн билээ. Дэлхий дахин Манжуурт болж байгаа явдлыг Японы түрэмгийлэл мэтээр үзэх ёсгүй. Дипломат нарийн аргаар хөдлөх хэрэгтэй. Тивд байдлыг зөөлрүүлж, намжаах хэрэгтэй. Инүкаи хариу хэлрүүн:
- Хаантан минь, би ямар ч нөхцөлд өөрийн бодлогыг үргэлжлүүлнэ. Би тэнгэрийн хүү таны нигүүлсэнгүй дэмжлэгт дулдуйдан найдаж байгаа бөгөөд Манжуураас манай цэргийг хэсэгчлэн гаргах шийдвэр гаргахыг танаас мэхийн хүснэ...
- Одоо энэ бол хэтэрхий түвэгтэй зүйл гэж эзэн хааны байнгын хувийн зөвлөх, тамга хадгалагч лорд өгүүлэв.
Хирохито шийдвэр гаргасангүй, тэр цэргийнхнээс бас айж байлаа.
Энэ бараалхалтад ерөнхий сайдаас гадна бас гурван хүн байсан бөгөөд яриа "Сакүра-кай" нийгэмлэгийнхэнд илэрхий болов. Инүкаин санал залуу офицеруудын хилэнг бадрууллаа. Гэвч ерөнхий сайд өөрийн бодлогыг үргэлжлүүлсээр байв. Тэр өөрийн бие төлөөлөгч Кояног Хятад руу Чан Кайшитай хэлэлцээ хийлгэхээр нууцаар явуулав. Кояно ерөнхий сайдад явуулсан нууц цахилгаан утсандаа, хятадууд хэлэлцээ эхлэхэд татгалзахгүй байгааг мэдэгдэв. Энэ цахилгааныг цэргийн яамны ажилтнууд барьж авчээ. Тэд улам ч болгоомжлох болов. Ерөнхий сайдын, парламентад ардчиллыг магтаж, японы дайнчдын талархлыг улам бүр хүлээх болсон фашизимыг буруушаан хэлсэн үг хувь заяагий нь бүрэн шийдвэрлэв.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:16 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:11 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Парламентын депутатуудын өмнө хэлсэн ерөнхий сайдын үг, нөгөө Окава Шүмэйн хэт үзэлтэй зөрлөө. Окава хуйвалдаанд оролцсон хэргээр Хашимотагийн хамт хотын цэргийн шоронд хорин таван хоног сууж гараад шинэ нийгэмлэг байгуулж, анхны эзэн хааны нэрээр Жинму гэж нэрлэжээ. Хүчтэй үйлдвэрийн эздийн үзэл сурталч, гүн ухаантан Окава Шүмэй Инүкаин саналаас эрс тэс өөр үзэл баримталж байлаа. Окава, улс орныг бузарлаж байгаа ардчилсан үзлийн нөлөөнөөс ангижруулж, үндэстний сэтгэлийг батжуулах хэрэгтэй гэж баталж байв. Тэр Германы фашист намыг жишээ болгон ярина...
Окава Шүмэй зөвхөн үгээр маргалдаад зогссонгүй. Парламентын чуулган дөнгөж дуусмагц, Өмнөд-Манжуурын компанийн захирал дэд хурандаа Хашимотад цахилдгийн цэцгийн нил өнгөт торгон вааданд боодолтой хүнд юм өгөв. Хотод "нил" улирал эхэлж, цөөрөм, сувгийн эргээр цахилдаг цэцэглэн дэлгэрч, токиогийнхон ч мөн ийм өнгийн ваадан авч явах болов. Уг нь вааданд хамгийн гэмгүй зүйл боодог болохоор Окавагийн вааданд хэд хэдэн гар буу, сум байх юм гэж хэн бодох вэ дээ.
Хэдэн долоо хоногийн дараа тэнгисийн цэргийн флотын хэсэг офицер Инүкаин өргөөнд дайран орж, ерөнхий сайдыг тулган буудав. Тэд цөм бүшидогийн хуулийг баримталж, улс төрийн аллагыг гэмт хэрэгт үл тооцов. Окава тэдэнд ингэж хэлжээ...
Энэ бол өнгөрсөн хоёр гурван жилийн дотор японы нийслэлд гарсан улс төрийн аллагын лав арван хоёр дахь нь, магадгүй арван тав дахь нь ч байж болно.
Тэнгисийн цэргийн офицерууд ерөнхий сайдыг алмагц, ойрын цагдаагийн газарт очиж, жижүүрт нь зэвсгээ өгөв. Тэд үйлдсэн хэргээ нуусангүй.
Гэтэл хуйвалдагсдыг зэвсгээр хангасан нөгөө дэд хурандаа Хашимота, Окава Шүмэй, мөн сайн ухаант генерал Коисо зэрэг бусад хүмүүс цагдаагийн газарт очоогүй нь тодорхой. Тэд сүүдэрт үлдэхийг эрхэмлэжээ. Тэд ерөнхий сайд Инүкаиг оршуулсан өдөр барон Харадагийнд үдийн зоог идэв. Энд бас эзэн хааны тамга хадгалагч лордын ахлах нарийн бичгийн дарга, маркиз Кидо байв. Барон Харада хэлрүүн:
- Хэрэв шинэ танхим бас ийм бодлого баримталбал хоёр дахь, гурав дахь хүн амины хэрэг гарах болно... Окавасан, тийм биз дээ?
Окава болон бусад хооллож суусан хүмүүсийн хэн нь ч ерөнхий сайдын амийг хорооход биечлэн оролцсон тухайгаа яриагүй боловч, барон Харадагийн хэлснийг зөвшөөрцгөөв.
Генерал Танакаг огцорсноос хойших богинохон хугацаанд Хамагүчи, Вакацүки, Инүкаи гэсэн гурван ерөнхий сайд солигдов. Тэдний хоёр нь алагдаж, Вакацүки азаар амьд гарчээ. Цэргийнхэн засгийн эрхэнд ямар ч замаар хамаагүй хүрэх гэж шууд дайрч байлаа. Тэд арал нь давчдан жижигдэх болсон үйлдвэрийн трестийнхний зүгээс хүчтэй дэмжлэг авч байв. Үйлдвэр, худалдааны төлөөлөгчдийг хүн амины хэрэгт оролцсоныг үзсэн ч хүнгүй, илрүүлж чадах ч үгүй, тэд зөвхөн мөнгө өгдөг, тэдний өгсөн мөнгө ямар үнэртэх биш... Ганц Окава Шүмэй цэргийнхэн, үйлдвэр-санхүүгийн бүлэглэлийнхний хооронд холбоо барьж, нэлээд ил ажиллаж байсан боловч, биеэ болгоомжтой авч явлаа.
Манжуурт Пу И-гээр тэргүүлүүлсэн хэмжээгүй эрхт хаант улсыг байгуулах явдал эзэн хааны оролцсон нууц зөвлөлийн хуралдаан аль түрүүн байгуулагдсан зүйлийг нөхөн сайшааснаар төгсөв. Мөн л цөм нөгөөх урт ширээний ард сууж, шийдвэр гарган босоцгоожээ. Мөн л эзэн хаан өөрийн оролцож байгаагаар энд болж буй бүгдийг сайшаан зөвшөөрч байгаа мэт дуугүй суув. Нууц зөвлөлийн дарга
- Манжуурт, улсыг удирдах засгийн газар байгуулах гэсэн Квантуны армийн хүсэлт бидэнд дамжин ирээд байна. Квантуны арми хаан ширээнд Генри Пу И-г өргөмжлөх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ хүсэлтийг Квантуны армийн командлагч, генерал Хонжио ирүүлжээ гэхэд
- Бид хаант улсыг тунхаглах явдлыг зориуд хойшлуулсан билээ. Одоо бид үүнийг санаа зоволтгүй хийж болно. Манай шийдвэр, нэг жилийн өмнөх шиг олон улсын хямралд хүргэхгүй гэж нэгэн түшмэл хэлэв.
Өөр нэг түшмэл үүнийг эсэргүүцэн хэлсэн нь:
- Манж-гогийн ард түмний санал зоригоор шинэ улс байгуулагдсан болно. Бид шинэ улсын халдашгүй дархан байдал, хүндэтгэлийг тусгасан гэрээ байгуулъя. Манж-гогийн засгийн газар Хятадаас салан, тусгаар тогтнолоо зарлалаа. Энэ бол тэдний дотоодын асуудал. Бид Манж-гог хүлээн зөвшөөрөхдөө олон улсын хууль зүйг зөрчихгүй. Манж-готой байгуулах хэлэлцээрийн зарим нууц зүйл ангийг хэн ч мэдэхгүй...
- Үүнийг америк, англи, францчууд хэрхэн үзэж байна? гэж нэг нь асуухад, Нууц зөвлөлийн дарга
- Америкийн Нэгдсэн Улсад суугаа манай элчин сайд, Японы эзэнт улс Манж-гог зөвшөөрөн хүлээвэл Америкийн засгийн газар эсэргүүцлээ илэрхийлэх нь үү гэдгийг сонирхсон юм. Төрийн нарийн бичгийн дарга, манай хэрэгт оролцох бодолгүй, тэгэх тусмаа энэ талаар олон улсын бага хурал, Олон үндэстний зөвлөл зэргийг зарлан хуралдуулах бодолгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Вашингтон Япон улсыг эх газраар Зөвлөлтийн хилд дөхөж буйг тааламжтай угтан авч байна гэж манай элчин сайд үзэж байна гэж хариулав.
- Тэгвэл бид санаа зоволтгүй саналаа өгье гэж даргын дэргэд сууж байсан хүн хэлэв.
Санал хураахад цөм босов. Манжуурын тэргүүнээр Пу И-г болгох гэсэн Квантуны армийн хүсэлтийг ёсоор болгохыг Сайд нарын танхимд санал болголоо.
Гэтэл хамаг гол ачаа нь Квантуны армийн штабын дөрөвдүгээр хэлтэст ногдов. Генерал Хонжио үүнд шууд оролцсонгүй, штабын ажилтнууддаа найдав. Тасалгаандаа орох замдаа ганц удаа тэр хэлтсээр ороод гарчээ. Командлагчийг үзээд офицерууд босов.
- Юу хийж байна? гэж генерал Хонжио асуув.
- Хэмжээгүй эрхт хаант улсыг хийж байна...
- За тэгвэл үргэлжлүүлцгээ гээд Хонжио гарч одов.
Хэлтэст асуудал үргэлжилсээр байв. Төрийн далбаанаас эхлээд юм бүхнийг нарийвчлан бодож боловсруулах хэрэгтэй байлаа. Жан Сюэлянгийн үед дундаа цагаан нартай цэнхэр далбаа байжээ. Хуучныг санагдуулахгүйн тулд үүнийг өөрчлөхөөр шийдэв. Таван өнгөтэй өнгө бүр нь утга агуулгатай далбаа хийхээр тогтов. Үнэнч дуулгавартай байдлыг улаанаар, энх мөнхийг хөхөөр, шударга шулууныг цагаанаар, баяр талархлыг шараар тэмдэглэсэн боловч харин хар өнгөнд тохирох утга олж чадсангүй...
Дараа нь эзэн хааны ордонг хаана байгуулах, ордны зардал, сайд, зөвлөхүүдийн талаар, эзэн хааны хаанчлалын эриний нэрийн талаар зөвлөлдөв. Ерөнхий сайдаар Тянжингийн ордны захирагч, Чэн Сяог болгохоор даруй тогтов. Японы зөвлөхүүдийг ухаантайхан олж тавих нь хамгаас чухал. Цагдаагийн газрын хоёр генерал дээр тогтов. Еши-окаг эзэн хааны ордны сайд, генерал Таракасүкийг зөвлөх болгов. Түүнийг бас шиндо шашны хамба лам болгох нь зүйтэй. Цагдаагийн дарга-хамба лам! Таракасүкид мөн түүнчлэн, Квантуны армид гол орлого өгдөг хар тамхины худалдааны газрыг хариуцуулах нь зүйтэй. Гэтэл Итагаки, хар тамхины худалдааг Доихара өөртөө аваг гээд зөвшөөрсөнгүй...
Бүх албан тушаалыг хуваарилж, хамаг юм жин тан болмогц эзэн хаан руу төлөөлөгчид илгээв. Генри Пу И өөрөө ч хаан ширээнд суухыг яарч байв. Саяхан атаман Семенов түүнд алба хаахаар иржээ. Юу ч гэсэн арван таван мянган морин цэрэг толгодын дунд зүгээр суухаа болив. Семенов япончуудаар дэмжүүлэн, морьт цэргээ Амар мөрний ойр аваачив.
Атаман Семенов дашрамд Итагакийн даалгавар биелүүлж, хамтран ажиллахыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн, Японы цэргийн яамны сайдад явуулах захидлыг ирээдүйн эзэн хаанд хэлж бичүүлэв. Генри Пу И энэ захидлыг заншил ёсоор шар торгон дээр бичиж, Чэн Сяо эзэн хааны улаан тамгаар дугтуйг битүүмжлэв. Итагаки, эзэн хааныг хулгайлсан гэж хэлэх зүрхтэй хүн одоо байна уу? гэж баярлан байв. Пу И өөрөө тусламж эрж, хаан ширээнд суухыг горилсон юм чинь...
...Генри Пу И яг гуравтайдаа Дорно дахиныхан насыг эхийн хэвлийд олдсон цагаас нь эхлэн тоолдгийг харгалзан үзвэл дөрөвтэйдээ Цин улсын хаан ширээг залгамжлан авчээ. Эцэг нь түүнийг дагуулан, өвөг дээдэстээ энэ түүхт үйл явдлыг дуусгах гэж Бээжингийн тэнгэрийн сүмд аваачжээ. Эцэг нь том том алтлаг баганын дунд, бурхны өмнө зогсоод юу шивнэн хэлж байсныг Пу И үл санана. Түүний санаанд үлдсэн юм гэвэл тэнгэрийн өнгийг авч хийсэн мэт нил хөх гурван давхар дээвэр, бас гантиган гоё хашлагатай сүмийн цагаан суурь бүлгээ.
Харин дугариг, цагаан суурин дээр босгосон тэнгэрийн суварга Пу И-гийн сэтгэлд үүрд хадагджээ. Хаан хүүг энэ суваргын голд зогсоож, хэлэх үгий нь зааж өгсөн нь:
"Тэнгэр минь, би тандаа ирлээ!"
Пи И үүнийг хүүхдийн сулхан дуугаар хэлтэл, гэнэт "Тэнгэр минь, би тандаа ирлээ!.." гэх өөрийн, аянга мэт дууг сонсоод айжээ. Хүчирхэг чимээ тэнгэр дуугарах шиг нүргэлэв.
Энэ нь эртний урчуудын бүтээл, сонсгол зүйн урлал байсан боловч, бяцхан Пу И тэр цагаас өөрийгөө тэнгэртэй ярьсан ихээс их хүнд тооцон, эзэн хааны буурь заах болжээ...
Одоо эзэн хааны ширээнд япон хурандаагийн томилсон Пу И эртний манжуур хувцас ёсыг даган өмсөж, хаанд өргөмжлөгдсөнөө өвөг дээдэстээ дуулгахаар дахин суварганд очлоо. Гэтэл энэ удаа Тэнгэрийн сүмд очсон шиг тэгж сэтгэл хөгжсөнгүй. Тэр сүмээс гарч цээжээ түрэн хааны танхимд очиж, тансаг сайхан сэнтий дээр суугаад, хаан ширээнд заларсан тухай баримт бичигт Кан Дэ (энх эрдэмт) гэдэг нэрээр гарын үсэг зурлаа.
"Би тэнгэрийн зарлигаар хаан ширээнд сууж, энэхүү тунхгийг гаргаж байна... Манжуурын эзэнт улсын хаан ширээг эзэн хаан Кан Дэгийн хөвгүүд, ач нарын эрэгтэй тал үүрд мөнх үе залгамжлах болно" гэж баримт бичигт өгүүлжээ.
Кан Дэгийн эринг зарлаж, шинэ он тоолол эхэллээ.
Гэвч Пу И-гийн сэтгэлд яагаад ч юм, байнга, тэгэх тусмаа үүрд мөнх хаан ширээ нь байна гэж бодогдсонгүй. Японы саналыг туйлаас таашаан үзээгүй гэргий Суань Тэгийнх нь зөв ч байж магадгүй... Баяр ёслолын ид дундуур Тянжин руугаа, нам гүм сүүдэрт цэцэрлэгтээ буцаад очмоор гэнэт санагдлаа...
Олон жил, үдэш болгон хааны хувцас, гутлыг тайлсан, ордны захирагч Чэн Сяо ерөнхий сайдын шинэ үүрэгт ажилд хурдавчлан оров. Тэр баримт бичигт эзэн хааны тамгыг хүндэтгэлтэйгээр дараад, чанга дуугаар уншив. Шинэ эзэнт улс бий болсонд, шинэ хаан өргөмжлөгдсөнд цөм "Вансуй!", "түм насалтугай!" гэж хашгирлаа.
Хаан ширээний дэргэд командлагч Хонжио, түүний ойрын хамтран зүтгэгч Итагаки, Доихара, бас эзэн хааны зөвлөх Таракасүки зэрэг хэсэг япон бөөгнөрөн зогсчээ. Тэд бас "Вансуй!" гэж хашгиралдан, үндэсний баярыг тохиолдуулан баяр хөөрөө илэрхийлж байлаа.
Энэ ёслол Манж-гогийн эзэн хаан Генри Пу И-гийн хаан ширээнд суусан явдлыг тохиолдуулан Синьзин хэмээн нэрлэх болсон, шинэ улсын нийслэл Чанчунд болов.
Үдэш, эзэн хааны ордны гадна, шинэ эрин эхэлснийг талархан баяр хүргэсэн олон хүн шуугин бужигналдсаар, харанхуй тэнгэрт олон өнгийн пуужингийн гал сацран, сүр жавхлан төгс байх үес генерал Таракасүки Генри Пу И-гийн өрөөнд орж ирэв. Тэр хааны танхимд болсон ёслол дээр өмсөж явсан жагсаал хувцсаа тайлж, энгийн үед өмсдөг хар хүрэн кимоноо өмсжээ.
- Хаантан минь, та Квантуны армийн командлагчтай хийх цэргийн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж Таракасүки хүндэтгэлтэйгээр хэлээд том торгон илгэн хавтас дэлгэж, солонгон нарийн бийр тосон бэхэнд дүрээд Пу И-д өгөв.
- Би уншиж танилцаагүй юм байна гэхэд
- Зүгээр, зүгээр... Би таны зөвлөх, одоо та элдэв дэмий юмаар биеэ зовоосны хэрэггүй. Энд хэрэгтэй бүгдийг тусгасан. Генерал Хонжио аль хэдийн гарын үсгээ зурсан... За май! гэв.
Генри Пу И бийрийг дуулгавартайяа авч, гэрээний доод талд нэрээ татлав.
- Ноён ерөнхий сайд, хааны тамга дараач...
Чэн Сяо улаан тамга даран гэрээг хүчин төгөлдөр болгоход, генерал Таракасүки түүн рүү эргэж,
- Ноён ерөнхий сайд, та бас гэрээний хавсралт захидалд гарын үсгээ зурах хэрэгтэй гэв.
Чэн Сяо хэдэн мөр гүйлгэн харж амжив.
"Манай Манж-го улс батлан хамгаалах, улс оронд нийтийн хэв журам сахиулах явдлыг Япон улсад даатгах болно. Үүнд шаардагдах бүх зардлыг манай орон хариуцна..." гэж захидалд бичжээ.
Чэн Сяо өөрт нь сарвайсан бичигт дуулгавартайяа гарын үсгээ зурлаа. Эзэн хааны зөвлөх бэх хатахыг түр хүлээгээд баримт бичгийг торгон илгэн хавтсанд хийв.
- Хаантан, би завшааныг ашиглан, танай улсын хэргийн талаар танилцуулах гэсэн юм... Та үүнээс хойш Дээд захиран шийтгэгч гэж нэрлэгдэх болно. Таны бие хамгаалалтыг бид Квантуны армийн цэргээр солино... Бид таны амгалан тайван байдлыг сахиж, өөрийнхөө ойр төрөл садны хүмүүсийн нэрсийг өгөхийг танаас гүнээ хүсэж байна. Бид тэднийг ордонд чөлөөтэй орж байхыг зөвшөөрнө. Төрөл садны хүмүүс эзэн хаан Кан Дэг төрийн хэргээс хөндийрүүлэх ёсгүй... Та өөрийн сайд нарыг жилдээ хоёрхон удаа бараалхуулж байх болно. Бид улс орныхоо хувь заяаны талаар мэргэн цэцнээр сэтгэн бодоход тань саад болохгүй бүхнийг хийх болно... Танай улсад суух Япон улсын элчин сайдаар Квантуны армийн командлагч томилогдсон... Эзэн хааны гэр бүлийн хувийн зардалд бүтэн хагас сая иен, түүний дотор таны ойр зуурын зардалд зуун тавин мянган иенийг жилд олгож байхаар улсын төсөвт тусгагдсан... Таны үнэнч боол, зөвлөх надад таныг улс орныг удирдах илүү ажлаас чөлөөлөх үүрэг өгсөн болно... Танд сайхан зүүд зүүдлэхийг ерөөе.
Таракасүки генерал Хонжиогийн даалгасан бүхнийг эзэн хаанд танилцуулаад, Пу И-гийн өмнө мэхийж, шүдэн завсраараа агаар сийгүүлэн сорсноо гарч одлоо.
Цин улсын сүүлчийн эзэн хаан Генри Пу И-гийн хаанчлалын үе, Кан Дэгийн эрин эхэллээ...

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:12 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Манжуурт түрэмгийлэл төгсөөгүй байтал японы дайнчид Хятадыг эзлэх шинэ алхам хийлээ. Үйл явдал Хятадын хамгийн том усан боомт, Шанхайг нөмрөв.
Каваи Тэйкичи хятадын эрэг дагуу явж байсан японы "Хотэно марү" онгоцонд сууж, далайгаар Шанхайд эргэж ирлээ. Тэр үймж бужигнасан Шанхайд эх газраар ирснээс далайгаар ирэх нь дээр гэж үзжээ. Энд хятадын 19 дүгээр арми Чан Кайшийн засгийн газрын шийдвэрийг үл хэрэгсэн, японы десантын цэрэгтэй байлдаж эхэлсэн бөгөөд одоо түрэмгийлэгчидтэй нэг сар ширүүн тэмцэлдэж байгаа ажээ.
Аялал тайван өнгөрлөө. Цаг агаар тогтуухан агаад хаврын тэнгис гүн хөхөөр туяарна. Зорчигчдын дунд хэдэн европ, хятад байсан боловч, олонх нь япон ажээ. Үдэш оройн цагаар хөгжим хангинан, үдшийн даашинзтай хатагтай нар хамтран бүжиглэгчтэйгээ танго, фокстрот, дөнгөж саяхнаас сонирхох болсон чарльстоныг бүжиж, гаднаас харахад, амралт, дуу хуурын агаарыг бохирдуулах юмгүй мэт. Дээд тавцан дээр явсан хятадууд их зожиг байцгаав. Хоёр, гуравдугаар зэргийн өрөөнд явсан хятадууд бүр ч илүү зожиг явлаа. Хятадууд хэсэг хэсгээр бөөгнөрч, юм шивнэлдэх агаад, япончуудыг үзмэгц дуугүй болно.
Хөлөг онгоцыг зогсоолд түр зогсоход авчирсан сонинуудад Шанхайн будлианы талаар эрээн цоохор болтол мэдээлсэн байна. Сонин бүхэн хэрэг явдлыг "Хотэно марү" онгоцон дээрх хүмүүс шиг янз бүрээр дүгнэсэн ажээ.
Жижүүрийн жолооч өглөө бүхэн, явсан замаа тэмдэглэж том газрын зураг дээр "Хотэно марүгийн" яг хуулбар, жижиг хуванцар онгоцыг шилжүүлж тавина. Зургийг рестораны үүдэнд дүүжилсэн тул зорчигчид заавал зогсож сонирхоно. Японы жижигхэн далбаатай цасан цагаан онгоцны загвар улам бүр өмнө зүгт доошилсоор байв. "Хотэно марү" онгоц дайны бүсэд орлоо. Одоо хэрэг явдал эхлээд сар болж байгаа тул мөргөлдөөн үүссэн шалтгаан, японы консулын газарт гарсан сэжигтэй түймэр, японы яаран өгсөн ультиматум, бүр ч яаран десант буулгасан талаар ярих хүн байсангүй. Мүгдэнгийн будлиан дарагдсан нь бүхэнд тодорхой байв. Ялгаа нь гэвэл хятадын 19 дүгээр арми япончуудад болон өөрийн гоминданы засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн явдал байлаа.
Мөрний адагт үдэш орой орж ирэхэд, өргөн мөрний уур мананд нар үзэгдэхгүй болов. Инкэугоос Шанхай хүрэхэд гуравхан хоногийн зайтай газар боловч, энд бүр халуунаараа ажээ. Үдшийн цаг боловч, зорчигчид тавцан дээр зуны хувцастайгаа сууцгаана. Хөлөг онгоц Шанхайд дөхөж очих үед, алсад тэнгэр нижигнэж, нэгэн байранд улаан хүрэн гялбаа гялалзав. Ойртон очиход энэ нь аянгатай адилгүй ажээ. Шанхайн дэргэд их буугаар буудалцаж байв...
Хөлөг онгоц Английн банкны дэргэдэх зогсоолд ирж зогсов. Банкны байшинг чимэглэсэн цамхагт цаг шөнө дундыг зааж байлаа. Эмэгтэй хүний шингэн дуу радиогоор цангинаж, хотод түгшүүртэй байгаа тул зорчигчид өглөө болтол онгоцон дээр үлдэж болно гэж олон хэлээр зарлалаа. Гэлээ ч зорчигчдын нэлээд хэсэг эрэг дээр буулаа. Тэдний дунд, шууд Озакийнд очихоор шийдсэн Каваи байлаа. Тэр хүн амьтангүй эрэг дээр гарч, цэцэрлэгт гүүрний дэргэдэх Уайтан цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдүүр өнгөрөв. Цэцэрлэгт хүрээлэнгийн дотор их буу, төмөр дуулгатай япон цэргийн бараа харагдав. Каваи эргүүлд бичиг баримтаа шалгуулаад, гүүрээр гарч японы хороололд очлоо...
Тэр хоёрдугаар давхарт тэмтрэн гарч, үүд аяархан тогшлоо.
- Хэн бэ? гэх Эйкогийн айсан дууг Каваи танив.
- Эйко-сан, би байна. Уучлаарай намайг... Онгойлгоорой!
Озаки сэрж, бас үүдэнд иржээ. Каваи үүдний өрөөнд гутлаа тайлаад орлоо.
Би дөнгөж онгоцноос буугаад ирлээ. Зоргетэй уулзах хэрэгтэй байна. Хоёул шууд очих уу?
Тэдний сууж буй жижигхэн өрөө зочдын болон хүүхдийн өрөөний үүрэг гүйцэтгэдэг ажээ. Хаалтны цаана сийрсэн дээр бяцхан Ёко унтаж байлаа. Каваи Манжуурын сүүлчийн байдлыг хэдхэн үгээр Хозүмид ярив.
- Мүгдэнд болсон явдал Шанхайд давтагдаад байна. Гагцхүү арай өөр хэлбэрээр, бас өөр үр дүнтэй болох шиг боллоо. Рихардынд очих гэдэг чинь зөв, одоохон явъя... гэж Озаки хариулав. Тэр жирийн буудлын газарт ирсэн хүнд өгдөг хямд даавуун шөнийн кимоно өмсөж суув.
Хэдэн минутын дараа Озаки үүдний өрөөнд савхин цамцаа өмсөөд
- Эйко, намайг хүлээсний хэрэггүй, би өглөө ирнэ гэж хэлэв.
- Тэнд чинь буудалцаж байгаа шүү дээ гэж залуу эмэгтэй сэтгэл түгшин хэлсэнд
- Зүгээр... Санаа зоволтгүй, цаанаа буудалцаж байгаа юм... гэлээ.
Гудамжны буудалцаан үнэхээр намджээ. Гэтэл тэднийг гүүрээр гарч, Нанжин-родод дөхөж явтал, улам ширүүн буудалцаж эхлэв.
Ганц ч цонхонд гэрэлгүй, эл хуль харанхуй хот дундуур байшингийн хана налан явлаа... Гудамжны дагуу, морин тойруулгын зүгээс сум шунгинана. Дэлгүүрийн үзмэрийн цонх суманд оногдож хагарах дуун дуулдаад дахин нам гүм болов. Алсад, газар дор юм тэсрэх мэт бүдэгхэн, буудалцах чимээ үе үе сонсдоно.
Францын дүүрэгт тойруу замаар явж хүрлээ. Хэд хэдэн удаа эргүүлтэй дайралдав. Цахилгаан дэнлүүний гэрэл бичиг баримтан дээр туссанаа, сэтгүүлчдийн нүүрэнд шилжинэ. Япон, англи, францын эргүүлүүд дайралдсан боловч сэтгүүлчийн үнэмлэх зам саадгүй болгож байлаа.
Зоргетой өглөө болтол ярилцав... Каваи германаар маш муу ярих тул Озаки хэлмэрчлэв. Рихард чухал гэсэн зүйлээ ганц өөрөө мэдэх тэмдгээр дэвтэртээ тэмдэглэв. Рихард Каваигаас бараг нэг зүйлийг хэд дахин асууж, алив нэгэн зүйлийг тодруулан авч, Квантуны армийн штаб, тоглоомын эзэн хаан хоёрын цэргийн гэрээний талаар тодорхой сонирхов. Гэтэл Каваи тун бага мэдлэгтэй иржээ. Итагаки Такэүчид тэр болгоныг яриагүй нь мэдээж хэрэг...
- За тэгэхээр, энэ бүхэн юу болохыг бодож үзэцгээе гэж Зорге санал болгоод, сурсан зангаараа тамхи руугаа гар нь явлаа.
- Миний бодоход, жанжин штаб нэг хэсэгтээ хамаг анхаарлаа Манжуурт хандуулж, одоохондоо Шанхайг авахаас татгалзаж магадгүй гэж Озаки хэлэв.
- Адмирал Наганогийн тэнгисийн цэргийн шинэ десант хотоос их хойгуур буусан юм уу? Арван есдүгээр арми хүнд байдалд ороод байна гэж Зорге хэлэв.
Хэдхэн хоногийн өмнө японы флотын командлагч Шанхайгаас хойш, хятадын 19 дүгээр армийн ар талд тэнгисийн явган цэргийн десант буулгасан ажээ.
- Тийм ээ, энэ үнэн. Арван есдүгээр арми Шанхайгаас ухарч эхлэв гэсэн мэдээ адмирал Наганогийн штабт байна. Ажилчид, оюутны сайн дурын отрядууд бүслэлтэнд орохоос болгоомжлон бас хамт ухарч байна. Мөн түүнчлэн Их Британи, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд нар адмирал Наганод хамтран эсэргүүцэл мэдэгдэв. Тэд бас Хятадыг сонирхож байгаа юм. Францчууд бас эсэргүүцэл илэрхийлжээ гэж Озаки өгүүлэв.
- Энэ баттай мэдээ юу?
- Тийм ээ, адмирал өөрөө ярьсан юм. Би энэ мэдээг сонинд өгсөн.
- Хятадын тал яаж байна?
- Чан Кайши арван есдүгээр армийг коммунистуудтай дайтуулахаар хөдөлгөх тушаал өгсөн.
- Гэвч энэ, их хүчтэй коммунист үзэлтэй арми шүү дээ. Яаж байгаа нь тэр вэ? гэж Каваи ярианд оролцлоо.
- Үүнд л учир нь оршино! гэж Озаки босож цонхоор харав. Гудамжинд бүр гэгээ оржээ.
- Та армийн командлагч Цай Тинкайгаас их юм шаардах нь, тэр чинь японы эсрэг үзэлтэй боловч коммунист болчихоогүй хүн... Маршал Чан Кайши үүнтэй холбогдуулан, миний дуулгаваргүй цэргийг коммунистууд цохивол цохиг! гэж хэлснийг би дуулсан. Энэ бол зальтай, итгэлийг эвдэх хүн... Ер нь, явах болсон юм биш үү, ноён Зорге...
- Тэгвэл аяга кофе уугаад явцгаа. Би онцгой жортой хүн гэж Зорге хэлэв.
Гал тогооны өрөөнд орцгоолоо. Рихард гал дээр хайруулын таваг тавьж, халмагц, цэвэрлэсэн сармисаар арчив. Саримсны үнэр өрөөгөөр дүүрэв.
- Та яаж байна! гэж Озаки дуу алдахад
- Одоо үзэх болно... гэв.
Тэр кофены үр хийж, хуурч, нунтаглан, кофе чанаад, данханд хэдэн дусал түүхий ус хийтэл, хөөс нь намдаад ирэв. Уур савссан өтгөн кофе аягалав. Үнэхээр анхилуун амттай болжээ.
- Нэг скандинов хүн надад зааж өгсөн юм. Би Стокгольм, Ослод олон жил суусан хүн.
Шөнийн гийчид цай уугаад явлаа. Буудалцсаар боловч, хотоос холдож эхлэв. Япончууд фронт, ар талаас нь хавсайдан цохих гэж байсанд, хятадын 19 дүгээр арми ялагдал хүлээхээс зайлж, ухарчээ. Озакийн хэлсэн зөв байжээ.
Хэдэн сарын өмнө (тэр үед Каваи Тэйкичи Мүгдэнд байв) Рихард Макс Клаузенийг өмнө зүгт, Кантонд бас нэг радиостанц байгуулахаар явуулав. Шанхайн цагираг гэж заримдаа нэрлэдэг Зоргегийн бүлэглэл улам өргөсөж, одоо Москва, Хабаровск, Владивостоктой Хятадын гурван хотоос холбоо барьж, орон нутгийн бүлэг бүр бие даан ажиллаж байв. Дамжуулах станцын тоноглол хийх, станцыг угсрах, холбоо тогтоох зэрэг бүх л техник ажил Клаузенд ногджээ. Кантон руу Макс, Анна, Константин Мишин гурвуул явж, Шанхайд радио мэдээчнээр дэлхийн дайны үеэс эхлэн туршлагатай холбоочин болсон, чех Вацлав Водичка үлдлээ.
Кантонд Макс Мишин хоёрын хийсэн бэлэн дамжуулагч авч очив. "Цувруулан үйлдвэрлэдэг болъё, хэрэгцээ гарвал дамжуулагчаар мах машиндаж болно..." гэж Клаузен тоглоом хийнэ. Үнэндээ ч, дамжуулагчийн олон эд ангиас ганц жижигхэн хүнд динамо машин радиотехникт хамаарахаас биш, бусад нь, мэдэхгүй хүнд гэр ахуйн элдэв хуучин новш гэмээр ажээ. Керосин дэнлүүний гялтгануур, нарийн утсаар сүлжиж хийсэн вьетнам цэцгийн сав, талх зүсэгч... гэх мэт л байна. Энэ бүгдийг хэд хэдэн чемодан, сагсанд таслан, динамо машиныг савтай хайрцганд хийлээ. Клаузен замд явахдаа, өөрийгөө гэрэл зургийн газрын эзэн хэмээх бөгөөд гаалийн үзлэг болбол, динамо машинаа цахилгаан эрчим хүч тасарсан үед хэрэгтэй гэж хэлэх байв. Кантонд цахилгаан сүлжээ тун муу ажилладаг ажээ...
...Кантонд болсон эмгэнэлт явдлаас хойш дөнгөж таван жил өнгөрчээ. Гоминданы засаг элдэв хог шаар, танхай балмад этгээдийг өөгшүүлэн егөөж, зөвлөлтийн консулын газрыг дайрч, зөвлөлтийн дипломат ажилтныг зэрлэгээр хөнөөжээ.
Гоминданыхан хувьсгалын эсэргүү эргэлт хийж, хятадын коммунист намыг ниргэж эхлэв, Хятадын ард түмнийг харгис ширүүн аллага нөмөрч, хагас сая хувьсгалч ажилчин, тариачин, сэхээтэн гоминданы шоронд, бөөнөөр цаазлахад, залхаан цээрлүүлэх экспедицид, коммунистуудын эсрэг хийсэн аянд амь үрэгдлээ... Чан Кайши, түүний итгэлийг эвдэгч генералууд өөрийн ард түмний цусаар Япон, Англи, Америкийн Нэгдсэн Улсын империалистуудын талархал олохыг оролдлоо. Гэвч харгислал удаан ноёрхсонгүй! Москва, Бүгд Найрамдах Хятад Улстай харилцах улс төрийн харилцаа сэргэнэ гэдгийг мэдэж, итгэж байлаа.
Зөвлөлт-хятадын харилцааг таслах сонирхолтой гадаад гүрний төлөөлөгчид, гоминьданыхны санаа сэтгэлийг ажиж, кантоны хэрэг явдлыг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байлаа.
- Клаузен ийм даалгавар авчээ...
Клаузены бүлэг сайн ажиллаж байв. Гэтэл тавдугаар сард, чийглэг сэрүүн салхи намдаж, тэсэх аргагүй халуун болох үес Макс Клаузенаас түгшүүртэй мэдээ ирэв: "Мишиний сүрьеэ хүндэрлээ, цаг агаар эрүүл мэндэд нь таарахгүй байна. Шанхайд ч гэсэн очихыг зөвшөөрнө үү".
Зорге цахилгааныг уншиж үзээд, Клязьтай зөвлөв. Жилийн энэ үед сүрьеэ өвчтэй хүнд Шанхай Кантоноос дээр юмаар бага ажээ.
- Би Мишинг Орост буцахад нь тусална гэж амласан юм. Төвийг гуйя. Нутагтаа очвол түргэн засарч магадгүй... гэж Зорге хэлэв.
Клязь зөвшөөрсөн боловч болгоомжлон
- Мишин дүрвэж гарсан хүн... Колчакт алба хааж байсан. Үүнийг Төв юу гэж үзэх бол... гэв.
- Тэглээ гээд яадаг юм?.. Мишин эх орондоо эргэж очих гавьяатай хүн. Өвгөн татгалзахгүй.
Москвад шифр явуулсанд, Мишинг Шанхайд ирэхийг зөвшөөрөв.
Константин Мишин улам турж, бүлцийсэн нүдтэй, сэжигтэй улаан хацартай амьтан Шанхайд буцаж ирэх үед нууц ажилтнууд Төвөөс хариу аваад байв. Мишинг Москвад ирж эмчлүүлэхийг өвгөн зөвшөөрчээ. Рихард энэ тухай хэлэхэд өвчтөний нүд гэрэлтэн гялалзаад
- Баярлалаа! Гялайлаа, Рихард! Намайг Орост оруулахгүй байх гэж би айж байсан юм. Тэгэх үндэстэй юм... Тэгвэл, одоо... одоо Цнадаа очно. Та Тамбовшинад байдаг Цна голыг мэдэх үү? Ёстой цэвэр, тунгалаг ус даа... Өдөржингөө бургасан дунд, халуун элсэн дээр хэвтэнэ... Ээж хүйтэн сүү авчирч өгнө!.. гэж тэр сэтгэл хөдлөн ярив.
Гэтэл Мишин гэнэт ханиалгаж, дэрэн дороос нусны алчуур гарган, цэрээ арчвал, дээр нь цусан толбо улайрч байлаа.
- Дахиад цус гэж хурамхан зуур царай нь барайн хэлснээ,
- Гэхдээ гайгүй!.. Одоо гайгүй!.. Рихард аа, заримдаа энэ бол сүрьеэ биш, эх орноо санасан мөрөөдөл шиг санагдах юм. Харьд амьдрахаас хүнд юмгүй. Би хэзээ явах вэ?
Мишинг арай гайгүй болмогц явуулахаар шийдэв. Өвчтөнг, Улаан армийн ангитай хамт Зинганшаний ууланд байж байгаад, саявтар Зянсигаас эргэж ирсэн Агнесс Смедли асарч байлаа. Тэр их өндөр сэтгэгдэлтэй иржээ. Заримдаа Луиза ирэх боловч, удахгүй явах тул, Смедли цонхны тавиурыг ажлын ширээ болгон, дээр нь дэвтэр тэмдэглэл, сонины өгүүлэл тавьжээ. Константиныг унтаж байхад юм уу, эсвэл алс холын Цна голын халуун алтан элс, үлгэрт гардаг шиг цэвэр, тунгалаг, амьд усны... тухай бодолд автан, баяртай хэвтэх үед нь бичиж суудаг байлаа.
Гэвч үйл явдлын шуурганд эх нутгаасаа алсад шидэгдсэн Мишин Цна голынхоо саруул эргийг дахин үзэх хувьгүй байжээ. Бүх л Шанхай даяар нэг ч хүн мэдэхгүй, дуулаагүй байж болох ч, өөрт нь амь шиг нь үнэтэй нөгөө Цна голынхоо тухай мөрөөдсөөр халуун бүсийн шатаам халуун өдөр нас барлаа.
Константиныг дүрвэгчдийн зөвлөлийн шийдвэрээр үнэн алдартны шажинтны оршуулгын газарт оршууллаа. Сүмд хойтхийг нь уншихад түүний бие биеэ үл таних хэдэн танил нь ирэв. Шарилын дэргэд зогсож буй хүмүүсээс талийгаачид хамгийн ойр дотно хүн гэвэл ганц Агнесс Смедли байлаа. Нууц ажилтнуудаас хэн нь ч байсангүй. Тэд нөхрөө оршуулахад цуг ирэх боломжгүй байлаа...
Үдэш Озаки, Зорге хоёр Смедлийнд очив. Агнесс гашуудлын тэмдэггүй боловч, ярианд бараг оролцсонгүй. Хозүми бас л дуу муутай байв. Тэр ганц Мишин нас барсанд ийм болсон хэрэг биш. Тэр өөр бусдын үхлийн талаар ярив. Британий дүүрэгт английн цагдаа нар хувьсгалч үзэлтэй хорь гаруй хятадыг цэцэрлэгт гудамжны жижигхэн ресторанд цуглармагц цөмийг баривчилж, гоминданы талд шилжүүлжээ. Тэднийг аймшигтай муухайгаар тамлан зовоожээ. Баривчлагсдын дотор Зүүний зохиолчдын холбооны таван гишүүн байсны зарим нэгийг Хозүми сайн таньдаг байв.
Рихард, Озакийн ингэж догдолж байхыг анх удаа үзэв. Озаки тасалгаан дотуур зогсолтгүй алхаж, цонхны дэргэд нэг очин, далбаат онгоц хөвөх сувгийн зүг алмайран харснаа, дахин холхиж эхэлнэ. Агнесс Зорге хоёр түүнийг ажиглаж байв.
- Би энэ оронд юу ч ойлгохгүй байна!.. Хэдийгээр энд нэлээд хэдэн жил сууж байгаа ч, юу ч ойлгохгүй байна. Манай цэргийнхэн хүртэл юу хүсэж эрмэлзэж байгаагаа мэдэж байна. Гэтэл эд нар? Эд хятадыг японоос хамгаалах гэсэн өөрийнхнийгөө хүйс тэмтэрч байна... Би, манай колоничлол юу авчрахыг алган дээрээ байгаа мэт харж байна. Манай колоничлол! Би бас япон хүн. Заримдаа би өөрийгөө үзэн ядах юм... Би хятадын урвагчид японы түрэмгийлэгчидтэй сүлбэлдэж буйг харж байна гэж Озаки өгүүлээд тасалгаан дотуур дахин явж эхлэв.
- Чи энд ямар хамаатай юм? гэж Зорге түүнийг тайвшруулахыг оролдов.
- Би өөрийн ямар ч хүч чадалгүйдээ ичиж байна... Аль хэдийн нас барсан энэ хүмүүсийн төлөө миний хийж чадах юм гэвэл ердөө энэ байна... Би тэр хорин дөрвөн хүнийг буудан алсан явдалтай холбогдуулж, Зүүний зохиолчдын холбооны тунхаглалыг орчууллаа... Энэ байна.
Хозүми энгэрийн халааснаас, дөрвөлжлөн нугалсан бичиг гаргав. Тэр, Агнесс Зорге хоёр япон хэл мэдэхгүй тул шууд герман хэлээр орчуулж уншив.
"Тэднийг үүрээр буудан хороолоо. Үйл нь ирэгсдээр эхлээд булшны нүх ухуулж, дараа нь тэднийг амьдаар булахыг цэргүүдэд тушаажээ. Таван хүнийг буллаа. Цэргүүдэд ч гэсэн энэ харгислал хатуу ширүүн санагдсан ажээ. Үлдэгсдийг буудан алж амьдаар хүн булсан нөгөө нүх рүү шиджээ...
Цэргүүд тэднийг цаазын газар аваачихаар ирэхэд, тэд цөм эрэгтэй, эмэгтэйгүй "Интернационал" дуулжээ. Дараа нь энэ дууг өөрсдийн цаазлагдсан шоронгийн ханын дэргэд дууллаа. Дуу буун дуунаар тасалдавч, дахин эхэлж байв. Хамгийн сүүлд тав, зургаан хүн дуулж байв... Дахин буу тасхийн, ганц хүн дуулсаар үлдэв. Хоолой нь сөөж суларчээ... Дахин буу дуугарч, дуу тасарлаа..."
Озаки бичгийг доош буулгаж
- Энэ аймшигтай байна? Арван есдүгээр армийн цэргүүд оюутны отрядууд японы тэнгисийн цэргийн десанттай тулалдаж, Шанхайн ажилчны хороололд японы бөмбөг унаж байхад... гоминданы цэргүүд тэднийг буудан аллаа. Би хятадын урвагчдыг буудахад бэлхэн байна. Гэвч би үүнийг хийж чадахгүй, яагаад гэвэл, би өөрөө япон хүн... Энэ аймшигтай байна! гэв.
- Хозуми-сан, чи солиорох нь... гэж Рихардын дуу огцом болж нүд нь онийж, хөмсөг нь босжээ. Тэр гарын хөдөлгөөнөөр Озакийн эсэргүүцэх дууг зогсоогоод,
- Үгээр хөөцөлдөөд яах вэ. Оюутан билүү аспирант байхдаа ангийнхаа оюутан... хэний хамт Марксын зохиол орчуулж байсан гэж чи өөрөө ярьсан шүү дээ... гэснээ Рихард түгдэрч, оюутны нэрийг санах гэж тас няс хийлгэн инчдэн,
- Хэн билээ, байз?.. гэв.
- Фү-юно... Хожим Мацүя-магийн шоронд нас барсан гэж Озаки хэлж өгөв.
- Аа тийм, Фу-юно... Чи түүнтэй хамт "Төр ба хувьсгал", "Капитал", Лениний империализмын тухай номуудыг уншиж байсан... Чи эдгээр номноос ертөнц хоёр лагерьт арьс өнгө хамаарахгүй баян ба хоосонд хуваагддаг тухай хамгийн гол зүйлийг нь ойлгоогүй гэж үү? Сургаал хэлсэнд уучлаарай...
- Би хэдийгээр коммунист болоогүй ч, энэ бүгдийг мэднэ. Ойлгож байна. Би энэрэнгүй үзлийг баримталдаг хүн гэж Озаки Рихардын үгийг таслан хэлэв.
- Энэрэнгүй үзэл ч гэсэн өөрийгөө батлахын тул тэмцэх хэрэгтэй шүү дээ.
- Рихард, чиний хэлдэг зөв ч би өөр юм хэлэх гэсэн юм. Манай үед марксизмыг өөр бусад хүмүүс, тухайлбал колончлогчид ашиглахыг хүсэж байна.
- Ойлгосонгүй гэж Зорге хэлэв.
- Би японы баруун социал-демократ намыг хэлж байна... Тэд бас гүмбацүгийн колоничлох бодлогыг, улс гүрнийг баян хоосноор хуваах бодлогыг дэмжиж байна. Тэдний бодлоор, Япон улс бол шударга бус түүхэн хөгжлийн явцад хавчигдан шахагдаж, арал дээр суурьших болсон ядуу орон. Гэтэл хажууд нь шударга бус, баян чинээлэг Хятад улс оршиж байна. Пролетари, хөрөнгөтөн хоёр улс оршиж байна. Иймээс албадан хураагчдыг албадан хураах хэрэгтэй... Манай социал-урвагчид юу гэж бичиж байгааг үзэцгээ гээд Озаки цүнхээ авч, уудлан баахан сонины хайчилбар гаргаж, дундаас нь хэрэгтэй зүйлээ олоод,
"Хэрэв социализмын үүднээс үзвэл, өчүүхэн жижиг газар дээр зуун сая хүн ам шахалдан сууж буй манай орныг олон улсын хэмжээнд пролетари улс гэж нэрлэхгүй байж болохгүй. Үүний эсрэг, асар том газар нутагтай, харьцангуй цөөхөн хүн амтай Хятад улс бол олон улсын хэмжээнд хөрөнгөтөн улс мөн. Одоо үед өлбөрч үхэхийн аюул заналхийллийн дор байгаа пролетаричууд өөрийн амин сонирхлыг хамгаалах шаардлагыг илүү их баялгийг эзэмшин буй хөрөнгөтөнд тавих нийгмийн эрхтэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Иймээс пролетари манай орон хөрөнгөтөн Хятад улсын хөдөө аж ахуйн нөөц баялгийг боловсруулан ашиглах эрхээ эдэлж эхэлж байгаа явдал бол хэзээ ч империалист түрэмгийлэлд тооцогдох ёсгүй" гэж уншив.
- Энэ чинь фашизмын илрэл! гэж Зорге дуу алдаад Гитлерийн хөрш зэргэлдээ ард түмнийг золиосонд гаргах "лебенсраум" буюу амьдралын орон зайг сана л даа. Энэ бол лоозонгийн нь дор Гитлер Германы засгийн эрхэнд тэмүүлж байгаа национал-социализм цэврээр байгаа нь.
- Тийм ээ, гэхдээ хүний нийгмийн хуулийг улс гүрэн, үндэстэн, ястанд хамааруулбал, хятадын коммунистууд, тэдний удирдагчид нэг сайхан өдөр бас ийм байр суурь баримтлах болно...
- Ингэх ёсгүй гэж Рихард итгэлтэй хариулав.
- Хүүе ээ, та нар миний Зянсигаас авчирсан юмыг мэдэх гэж байгаа бололтой гэж Агнесс Смедли маргагчдын яриаг таслав.
Смедли хятадын улаан арми гоминданыхны ээлжит аян дайныг тас цохисон зөвлөлтийн районд сар шахам байжээ. Тэр сонирхсон хүмүүстэйгээ дахин уулзаж, цэргийн эмнэлэгт ажиллаж, цэргийн ангиудтай хамт хүнд бэрх аян замыг туулжээ. Агнесс амьд сонирхолтой, урнаар дүрслэн ярих тул чөлөөлөгдсөн районы амьдралын зургийг үзэж болно.
Рихард сүүлийн хэдэн сар Агнесстай ховор уулзжээ. Нэг бол Агнесс ийш тийш явчихна, нэг бол Рихард Шанхайгаас удаан хугацаагаар явах буюу эсвэл ажилд дарагдан тэднийд очиж чадахгүй хэдэн долоо хононо. Агнесс дуугүй суув. Зорге түүний бодолд саад хийсэнгүй. Нэг жилийн өмнөх шиг тийм үдэш байлаа. Бор шарга хөшиг дээрх зураг цонхны наана болж буй амьдралыг, өөрөөр хэлбэл, дарвуулт онгоц, дал модны навчсан шүхэр дор суугаа завьчинг нарийн, бараг хийсвэр гэмээр үзүүлжээ. Цонхоор мөрний зүгээс чийглэг бүлээн, эхүүн үнэрт агаар орж ирнэ. Энэ бүхэн яагаад ч юм, гэнэт сэтгэл хөдлөн, эдгэрч чадаагүй өнгөрсөн амьдралаа эмэгтэйд итгэн ярьсан тэр нэгэн явдлыг санагдуулав
Рихард тамхи татаж, Агнесс зөөлөн сандлын түшлэг налан гэдийн сууна. Түүнийг хажуу талаас нь цонхны гэрэл гийгүүлэх тул нүүрний нь хажуу хэлбэр гайхалтай тод сүүдэртэн Зоргед харагдана. Сайхан нарийхан бугуйгаа тохойлуур дээр тавьж, савхан цагаан хуруугаа мартсан мэт доош унжуулжээ.
Цогтой бор нүдтэй, ялимгүй товгор шанаатай энэ эмэгтэй Рихардад аятайхан санагджээ.
Тэр хоёр нэгэн зүйлийг бодож байсан байж ч магадгүй.
- Рихард аа, би танд өөрийн амьдралаас ярих уу? гэж Агнесс хэлээд үдшийн бүрэнхий улам нэмэгдэхийг хүлээх мэт удтал дуугүй суулаа.
- Би элсэн цөлд тэнэн явах дуртай байлаа. Бид цөлийн захад орших уурхайчдын тосгонд суудаг байв... Зах хязгааргүй цөлд хүмүүсийн шунал, найдвар, гавьяаг залгин үмхсэн өнгөрсөн зууны ул мөр байх бүлгээ... Тэнд хамгийг мартан, сэтгэл уужран тэнийх шиг надад санагддаг юм. Дараа нь би эргэн ирэхэд хамаг юм эхнээсээ эхэлдэг байв.
Агнесс хүүрнэн бодох мэт, ярианы эрэмбэ дарааг үл анхааран ярьж байлаа.
- Өнөөдөр би ээжийнхээ нас барсныг саналаа. Ээж минь авсан дотор эцэж турсан царайтай хэвтэж байлаа. Ажилд нухлагдсан хар гарыг нь цээжин дээр нь зөрүүлэн тавьжээ. Авсанд хийгээд байхад нь харахад, ээж минь нүүр нь эцэж турсан, нэлэнхүй үрчлээ атираа болсон, толгой нь дун цайж, бие нь давжаа жаахан болсон харагдаж билээ... Ээж минь дөчин настайдаа өөд болсон билээ.
- Хэрэв би эцгээс, магадгүй индиан өвөг дээдсээс уламжлан авсан тэнүүчлэхийн дон цусанд минь байгаагүйсэн бол нэгэн жижиг хотод үлдэж, уурхайчин эртэй сууж, нарт ертөнцөд гаслан зовох хэдэн хүүхэд төрүүлээд бас л дөч хүрэлгүй нас эцэслэх байсан биз...
Ээж минь нас барахынхаа өмнө, намайг амьдралдаа анх удаа хүзүүдэн тэвэрч үнсээд "Агнесс аа, чи эрдэм боловсролтой хүн болно гэдгээ надад амла" гэж билээ. Миний сэтгэл хачин их хөдөлж, ам өгсөн юм. Урьд өмнө ер ингэж байсангүй. Өлсгөлөн ядуу амьдрал хамаг сэтгэл сэрлийг үлдэн хөөснөөс манай гэрийнхэн үнсэх, энхрийлэхийг үл мэддэг байлаа. Манайх надаас гадна дөрвөн хүүхэдтэй байв...
Ээж биднийг дандаа аашилж загнаж аав гэртээ байвал нэг бол согтуу, нэг бол дуу шуугүй баргар царайлж байдаг байв. Тэд ядуу амьдралд талхигдан, гол зогоох юмнаас өөр зүйлийг бодож үл чадна. Мэдээ орсон цагаас эхлэн миний доторхи эрхлэл энхрийллийн илрэл, энхрий сэтгэл дандаа унтран бөхдөг байв. Гэвч ээжийнхээ өвөр дээр гарахыг туйлаас их хүсдэг байлаа.
Ээж минь өөрийн зайлшгүй хувь тавиланг цаг ямагт хүлцэн хүлээж байсан шиг санагдана. Тэр золгүй фермчний эхнэрээс пролетари, хар ажилчин, угаагч болж, мөнгө олж болох л бол юу ч хамаагүй хийж байлаа. Эцэг өөр төрлийн хүн байлаа. Тэр хүний зэрэгт хүрэх найдлага үл тасран, ийш тийш явж, эрж хайсан юм нь үл олдохуйд улам бүр бухимдан, архичин болж хувирав.
Манайх дандаа нэг газраас нөгөө газарт нүүдэллэдэг байлаа. Би ойр хавьд сургууль байвал сургуульд явдаг байв. Хэдэн настайгаасаа ажиллаж эхэлснээ санахгүй байна. Сургуулиа тараад, хүүхэд асрах, сав суулга угаахаар шууд явдаг байв. Гэхдээ голдуу манай гэрийн гол цалингийн эх үүсвэр болсон юм угаах ажилд ээждээ тусалдаг байлаа.
Би нэг ангид суралцдаг баян охины нэр өдрийн баярт очихдоо дорд муугаа мэдсэнээ хэзээ ч мартдаггүй юм. Тэр намайг эелдэг зангаас, өрөвдсөнөөс (бас өөр юунаас ч юм мэдэхгүй) урьжээ.
Би ямар нэгэн бэлэг авч өгөхийг ээжээс удтал хоргоов, Гадил жимс миний дуртай амттан бөгөөд хэдхэн зоосны үнэтэй ч манай хувьд бэл хүрэх эд биш. Гадил жимс ёстой сайхан бэлэг! Өөр юм авахуулах гэж санасны ч хэрэггүй. Ээж үглэсээр гурван ширхэг гадил авч өглөө. Гэтэл нөгөө охинд хүмүүс юу бэлэглэснийг гэрт нь очоод үзэв. Ширээн дээр миний зүүдлээ ч үгүй юмс, туузаар чимсэн алтан хавтастай ном, мөнгөн эдлэл, хайрцагнууд байлаа. Би хамаг амьтны нүдэн дээр, хэнд ч хэрэггүй гурван гадилаа ширээн дээр аваачиж тавих ёстой байв... Би тамд очих гэж байгаа мэт явлаа. Хүүхдүүд чөлөөтэй ярилцаж, эргэн тойрон инээлдэх атал, би элэгдсэн муу шаахайгаа улс амьтан үзчих бий гэж санаа зовон ханын дэргэд суув. Гэртээ их л гоё мэт санагддаг даашинз минь энд хариугүй муу харагдав. Би ичиж нүүр шатах шиг боллоо...
Дараа нь би ширээн дээр юм асгаж, халбага унагаад түүнээсээ болж хүн амьтны анхаарал татахгүйн тул хэчнээн дур хүрч байсан ч мөхөөлдөс идсэнгүй.
Гэтэл охины ээж намайг аврав. "Бие чинь тааруу байна уу? Тийм бол гэртээ харьж болно" гэж тэр аяархан хэлэв. Би энэ үгийг баярлан хүлээн авч, нулимсаа залгисаар оромж руугаа явж билээ.
Энэ үед би ангидаа тэргүүн сурагч (үүний учир намайг урьсан биз) байсан тул хамгийн арын ширээнд сууж, багшийн тусламжгүй хичээллэх хүндэт эрх эдэлдэг байлаа.
Агнесс ярихаа больж
- Рихард аа, би дэмий яриагаар таныг залхааж орхиогүй биз? гэж асуугаад -Хүмүүс бусдад зориулж ярихаасаа өөртөө зориулж ярих нь их гэж би боддог... За, яахав... гээд яриагаа үргэлжлүүлэв.
Бага нас минь ийм байлаа! Дашрамд хэлэхэд, Америкийн бусад иргэдийн адил миний амьдрал өнгөгүй зэвхий юм. Би үргэлж өлсгөлөн явж, тэр ч байтугай жижиг дүү нараа тэжээх гэж зах зээлийн газраас юм хулгайлдаг байлаа. Ээж талх, зүсэм хиам хаанаас авсныг үл ажигласан дүр үзүүлнэ. Аав удаан хугацаагаар алга болох бөгөөд бидэнд ээжийн янхан болсон дүү хүүхэн тусалдаг байлаа. Биднийг хайрладаг, сайн эмэгтэй байв. Дараа нь, эмчид төлөх мөнгө байхгүйгээс эгч минь нас барсан билээ. Би цагаан даавуун дээр унтаж байсангүй, шөнө хувцсаа тайлж унтдаг гэдгийг мэддэггүй байлаа.
Нэгэн удаа аз болж, би тамхины үйлдвэрт ажилд орлоо. Хичээл тараад үе тэнгийн охидын хамт тамхины навч ялгадаг байв. Тэр навчсаар эрчүүд навчин тамхи орооно. Тамхи ороогч эрсийн дундаас нэгэн залууд сэтгэлтэй болж, намайг анхаарч үзээсэй гэж хүсэх болов. Нэгэн өдөр замд нь тамхины навчтай хайрцаг тавьсанд, тэр тээглэж, намайг загнаж билээ. Эзэн миний ажилд сэтгэл дундуур байдаг байв. Намайг хэтэрхий удаан хөдөлж гиюүрэн бодлогоширч байна... гэж хэлэв. Бямба гаригт миний долоо хоногийн цалин бүтэн хагас долларыг өгөөд, цаашид ирсний хэрэггүй гэв...
Би арван таван настай байхдаа анх удаа эр хүнд үнсүүлж билээ. Энэ бол манай тосгоны малчин гаралтай уурхайчин эр. Тэр намайг зэргэлдээ орших эдлэнгийн газарт бүжигт урьж, бид хоёр цөлийн захаар морь унан явлаа. Ширвээ сахалтай уурхайчин тэр үед гуч хүрээгүй байсан ч надад хөгшин харагдаж билээ. Бид дөрөө шүргэн явлаа. Тэр гэр бүлтэй болох бодолтой байгаагаа ярьж, намайг өөртэйгээ суухыг гуйв. Хүнд хайрлагдахын хүсэлд автан, би зөвшөөрөхөд бэлэн байлаа. Бид түүний эдлэнд амьдарч, надад морь, сайн гар буу бэлэглэнэ гэж тэр амлав... Ялангуяа гар буу миний анхаарлыг татав... Хожим би өөрөө гар буутай болж, биенээсээ хэзээ ч салгадаггүй байлаа. Манай догшин хязгаар нутгийнхан цөм зэвсэгтэй явцгаадагсан.
Уурхайчин эр морин дээрээсээ тонгойж, намайг үнсэхэд түүнээс тамхи, хөлсний эхүүн үнэр ханхийв. Би анзаараагүй дүр үзүүлэв. Гэтэл гэр бүл гэдэг бол хүүхэд, гачигдал зовлон гэсэн үг гэсэн бодол гэнэт тархинаа харваж, нүдний өмнө ээж минь харагдах шиг болов... Би ээжийн үнсэлтэд амлалт өгсөндөө харамсаж байлаа.
Нөгөө уурхайчин буцаж ирээд, аавтай уулзаж ярилцсанд аав намайг бага байна гэж хариулав. Тамхи, хөлс ханхалсан, ширвээ сахалтай уурхайчин эртэй гэр бүл болох замд минь саад болсон эцгийгээ би үзэн ядав... Маргааш нь тэр эр тосгоноос яваад, дахиад эргэж ирсэнгүй.
Удалгүй Колорад компанийн уурхайчид ажил хаяж манай тосгон хамрагдав. Ээж уурхайчдын талд зогсож, аав цагийг хүлээзнэв. Босогчдын дунд хагарал гарав. Компанийн захиргаа цэрэг авчран толгойлогчдыг баривчилсан боловч, уурхайчдын зоригийг мохоож чадсангүй. Гэтэл эхнэр үр хүүхдийнхээ өлсөхийг харж сууж чадсангүй. Миний дотор, шударга бус, тэгш биш байдлыг үзэн ядах үзэл буцалж байлаа...
Би сургуулиа төгсгөлгүй, өөрөө хэдийгээр бичиг үсгийн мэдлэг багатай ч багш боллоо. Уурхайчдын хүүхдэд, тэр тусмаа мексикчүүдийн хувьд болно гэж үзжээ. Манай тосгон нийслэл мэт санагдах хүмүүсийн дунд, хамгийн алс бөглүү газар сууж, гэртээ хааяа ирэхэд, нутгийнхан намайг багш гэж хүндэтгэн хардаг байв. Нэг удаа ээж хүнд өвчилж, намайг цахилгаан утсаар дуудуулав. Тэгээд ээж минь орноос босоогүй юм. Дүү нарыг асрамжлах үүрэг надад ноогдлоо.
Дараа нь би жижиг хотод суудаг нагац эгч дээрээ очиж, түргэн бичлэгт суралцаж, редакцын газарт бичээчээр орлоо. Редактор надад сайн байдаг байв. Тэр ахимаг настай, боловсролтой хүн бөгөөд надтай энгийн ёсоор харьцдаг шиг надад санагддаг байлаа. Нэг өдөр ажил дээр намайг авч үлдээд, хүчээр эзэмдэх гэв... Тэгээд би редакцын газраас явахаас өөр аргагүй боллоо.
Удалгүй би нөхөрт гарлаа. Нөхөр минь социалист намын гишүүн, скандинав гаралтай америк хүн байв. Тэр цөлд суваг барьж байсан тул удаан хугацаагаар явахад, би ганцаар үлдэж, өөрийгөө болон дүү нараа ажил хийж тэжээнэ. Энэ үед манайх Сан-Францискод сууж байв. Гэр бүлийн ажилд би дарагдсангүй. Гэтэл би эх хүн болох гэж байгаагаа мэдлээ. Би зүрх түгшивч, сэтгэлийн мухарт эх хүний сэрэл бий болов. Гэлээ ч би нөхөртөө: "Ирж, намайг авар. Чи буруутай. Эс тэгвэл би амиа хорлоно" гэж захиа бичив.
Нөхөр минь намайг алгуурхан хориглохыг оролдсонд би өөрийнхөөрөө зүтгэв. Бид хоёр эмчид очив. Намайг ухаан ороход нөхөр миний орны дэргэд суугаад инээж байв. Түүний инээд миний дургүйг хүргэлээ. Одоо миний бие, миний сэтгэл зүрх хүүхдийг хүсэж байв. Тэр хэрхэн инээж зүрхэлнэ вэ?!.. Бид хоёр саллаа. Хэдийгээр би эцэж туйлдталаа ажиллаж байсан боловч гэр орондоо хангалттай тусалж чадахгүй байснаас, эрэгтэй дүү хулгайн хэргээр баривчлагдав. Би мөнгө зээлдэж, шоронд байгаа дүүдээ явуулав. Дүү суллагдсан боловч удалгүй ариутгах татуургын шуудуунд шороонд дарагдаж нас барлаа. Шоронгоос гараад газар ухах ажил хийж байсан юм. Өөр нэг дүү дэлхийн дайны ид дундуур сайн дураар цэрэгт оров. Америкийн Нэгдсэн Улс дайнд холбоотны талд орохоор бэлтгэж байлаа. Дүү дайтахыг огт хүсээгүй боловч, үхлийн үнээр ч хамаагүй амь зогоох гэж арван найман нас хүрээгүй байхдаа цэрэг болсон юм. Тэр надад "Би өлсөхийн эрхээр цэрэгт орлоо..." гэж бичиж байв.
Би бас дайныг үзэн ядлаа. Миний нөхөд намайг дайны эсрэг ажилд оролцохыг санал болгосонд би зөвшөөрөв. Хожим бид баригдаж, дайн дуустал шоронд хоригдов. Би шоронгийн хоол, чийгтэй өрөө тасалгаа, хананд хадсан төмөр ор гэж юу байдгийг мэдлээ.
Надаас герман гаралтай эсэхийг ихэд лавлан шалгаав. Хэрэв тийм бол намайг тагнуул хийсэн хэргээр яллах нь хялбар байхсан билээ. Намайг америк хүн биш гэж зэмлэсэн нөгөө түшмэлтэй ярилцсан ярилцлага шоронд болсон юм Миний өвөг дээдэс индианууд, тэгэхээр та бид хоёрын хэн маань илүү америк хүн бэ дээ? гэж би хариулсан юм. Үүнээс болж хэдэн хоног ганцаар хоригдож байлаа.
Дайны дараа би Герман руу явж, ном эрдмийн мөр хөөж, бичиж явсаар одоо энд, Хятадад ирээд байгаа минь энэ. Нэг найз минь "Гагцхүү эрх чөлөөний төлөө ажиллаж байвал, таны ямар оронд ажиллах нь чухал биш" гэж надад хэлж билээ. Энэ дэлхийн олон зүйл өөрчлөгдөөгүй байсан цагт би зүгээр суухыг хүсэхгүй...
Рихард аа, миний танд ярих гэсэн юм энэ. Би Америкийн Нэгдсэн Улсад хэзээ ч буцаж очихгүй. Тэнд хүмүүс бие биедээ чоно гэсэн үг. Би хүний зэрэгт хүрсэн мэт. Гэхдээ үүнд хүрэхийн тул ашиг хонжооны оронд төрсөн би ойр дотнын хүмүүсийнхээ хамт тун их хүнд бэрхийг туулсан юм. Би удахгүй дөч хүрнэ. Энэ бол эмэгтэй хүнд хувийн аз жаргалыг бодох нас биш За одоо, Рихард аа, гэртээ харь даа. Их орой болжээ...
Зорге харанхуйд янжуур угсран татаж суув.
Агнесс босоод Рихард ч бас бослоо.
- Өөрийгөө юутай ганцаардмал юм бэ? гэсэн таны үгийг би танд буцааж хэлмээр байна гэж Рихард хэллээ...
Агнесс үүд рүү явлаа. Рихард араас нь харанхуйд тэмтчин явж, зэрэгцэн очмогц, бэлхүүсээр нь тэврэн авлаа. Агнесс гарыг нь зайлуулж,
- Рихард аа, хэрэггүй, би ч бас мартагдаж болно шүү дээ гээд гадна хаалгаа нээж, гараа сунгалаа. Хаалга хаагдав. Түлхүүр хоёр эргүүлэн цоожлох чимээ Рихардад сонсогдлоо...

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Last edited by Call on Aug.02.17 6:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.02.17 6:12 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3328
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Озаки Хозүми гучин хоёр оны намар Шанхайгаас явлаа. Түүнийг Токиод редакцын газраас дууджээ. Зорге чухал хэрэгтэй Хозүмийг үлдээх гэж ятгаж үзсэн боловч чадсангүй. Озаки инээмсэглэн хариулсан нь:
- Рихард аа, хэн намайг тэжээх юм бэ? Чи бид хоёрын ажил орлого үл оруулна. Өөрийн үзэл бодлын төлөө мөнгө авч болохгүй...
Озаки гэр бүлийн хамт Япон руугаа буцлаа. Өөрийнхөө оронд Клязийг үлдээгээд, бололцоо олдмогц, даруй Төвд ир гэсэн шийдвэр удалгүй Москвагаас иржээ.
Зорге явахын өмнө нэгэн хүйтэн, зэвэргэн өдөр хүн амьтангүй цэцэрлэгт хүрээлэнд Смедлийн хамт зугаалан, өвлийн цаг боловч гандмал ногоон өвсөн дундуур гишгэчин явлаа. Модны оройд салхи шуугина. Агнесс нэгэн сагсгар том модны хажууд ирж, өвсөн дундаас нэг юм эрж олоод Зоргед өгөн
- Рихард аа, та надад нөхөрлөлийн тухай ярьж байснаа санаж байна уу? гэхэд нь
- Саналгүй яах вэ!.. гэв.
- Энэ бол сийрсний төрлийн хуайс мод. Хальсны цаанаас харагдах хурц улаан навчийг хараач. Энэ бол хятадаар "мянган жилийн дурсгал" гэдэг, үрийг нь найз нөхдөдөө дурсгал болгож өгдөг мод. Үүнийг би танд дурсгал болгож өгье. Үүний талаар эртний шүлэгчийн бичсэн гайхамшигтай сайхан шүлэг ч байдаг юм. Танд уншиж өгөх үү?
Урин хавраар мөчирлөг болсон
Урд зүгийн улаан шошийг
Найздаа өгөхөөр ахиухан түүгээрэй.
Намайг тайтгаруулж, гунигийг минь сэргээгээрэй...
Агнесс Рихардыг төмөр замын буудал дээрээс үдэж гаргалаа. Галт тэрэг хөдөлж, алслан холдсоор, бараа тасран тасартал гараа дээр өргөсөн хэвээр хөдлөлгүй зогссоор байв...
Хятадын цагаан хэрэмний ойролцоо, Шанхайгуаньд шинэ зэвсэгт мөргөлдөөн гарч, галт тэрэг Мүгдэн, Гирингийн чиглэлд явахгүй болсон тул Зорге арга буюу Бээжинд хэд хоног саатав. Сонинд бичсэнийг үзвэл, нэгэн үл мэдэгдэх хятад хүн төмөр замын тавцан дээр гранат шидэж өдөөн хатгалга хийжээ. Тэр үеэр тавцангийн дэргэд япон цэргийн цуваа зогсож байжээ. Хэлмэгдсэн хүнгүй боловч Квантуны арми хэрэмний урд талд орших Шанхайгуаний районыг байлдан эзэлжээ. Будлианы үеэр хурандаа Доихараг Шанхайгуаний өртөөн дээр байсан гэж бас мэдээлжээ.
Төмөр замын харилцаа долоо хоног тасарлаа. Зорге хөдөлгөөн нээгдмэгц, анхны галт тэргээр Москва руу гарав, Бээжингээс Шанхайгуань өртөө хүрэхэд хагас хоногийн газар. Японы түрэмгийлэл Манжуураас хальжээ. Галт тэрэг өртөөн дээр удаан зогссонгүй. Зорчигчдыг вагонаас гарахыг зөвшөөрсөнгүй. Гадаа хүч нэмэгдүүлсэн япон цэргүүд харуулд зогсоно. Цонхоор өртөөний цаадхи уулс харагдана.
Эрт цагт нүүдэлчний довтолгооноос хамгаалж босгосон харуулын цамхаг, бууны шагайвар бүхий өндөр хэрэм хадат хяр даган уулсын оройгоос оройд дамжин сунажээ. Одоо энэ хэрэм хэнийг ч хамгаалсангүй. Японы түрэмгийлэл цаашид хаашаа тэмүүлэх бол? Рихард Манжуурын газрын зураг дээр Итагаки Кэнжийн асгасан тосон толбоны тухай, толбо нүүж, Манж-го хилгүй улс болсон тухай Каваин ярьсныг санав.
Рихард Москвад яагаад дуудагдах болсноо мэдсэнгүй. Магад шинэ ажил гарч дээ. Хаана?.. Германд юм болов уу?... Тэнд Гитлер засгийн эрхэнд улангасан тэмүүлж, байдал хурц байна... Тэнд хэрэгтэй гэж үзэж байгаа бол яах вэ дээ.. Агнесс үүнийг юу гэж хэллээ?.. "Ямар оронд ажиллах нь хамаагүй, гагцхүү эрх чөлөөний төлөө ажиллах хэрэгтэй..." Эрх чөлөөний төлөө ажиллах хэрэгтэй... Зөвлөлт орныг хамгаалах гэдэг бол хүн төрөлхтний эрх чөлөөний тусын тулд ажиллаагүй хэрэг гэж үү?!..
Рихард Зорге Москвагаас гараад гурван жил болоод буцаж ирэхдээ үүргээ гүйцэтгэж, эх орныхоо аль хэрэгтэй газарт очиж ажиллахад бэлхэн байв.
Москвад ирэхэд хүйтэн агаад, үүрийн улаан туяанаа байшин барилгын яндангаас шингэн шаргал утаа эгц дээш олгойдоод, гудамжаар хүмүүс бужигналдаж, трамвай тачигналдан байв. Москва хот хуучин хэвээр боловч зарим нэг өөрчлөлт оржээ. Ярославын галт тэрэгний буудлын дэргэдэх талбай дээр, барьж буй метроны цамхаг зам хаан сүндэрлэж, түүний хаалгаар чийгтэй нойтон шавар ачсан машин гарч харагдав.
Анчны гудамжинд байсан сүм хэдийн алга болж, зүүн талд хуучин мухлагуудын хооронд барьж буй шинэ зочид буудлын барилгын шат тавцан босжээ. Тверийн талбайд оршдог цахилгаан мэдээний газар "Сонины" нарийн гудамжны үзүүрт баттай шигдэж авчээ. Рихардыг Москвагаас явах үед энэ гудамжинд барьж байсан кино театрын тоосгон барилгын дотор харж хандах хүнгүй халтар жаалууд үүрлэж хоноглодог байжээ.
Машин огцом өгсүүр өөд гараад, Эрх чөлөөний хөшөөт талбай руу чиглэлээ. Рихард хэн нэгэн хааны хөшөөний төмөрлөгөөр цутган хийсэн Үндсэн хуулийн ишлэл бүхий зэс самбартай энэ хөшөөнд хайртай ажээ... Машин бас нэгэн хороолол өнгөрөөд, гоёмсог сайхан гантиг чулуун баганатай зочид буудлын үүдэнд ирж зогслоо. Рихард урьд энд сууж байжээ.
Зоргег буудал дээр тосож авсан хүн, Рихардыг Знаменскийн гудамжинд хүлээж байгааг хэлэв. Рихард хувцсаа яаран сольж өмсөөд, гадагш гарч, Арбат хүртэл трамвайгаар явахыг туйлаас их хүссэн учир трамвайд үсрэн оров. Энд бас л юм бүхэн шинэчлэгджээ. Талбайд тээр болж байсан сум алга болж, талбай өргөн уужим болжээ... Рихард Гоголийн хөшөөний дэргэдүүр өнгөрч, цэцэрлэгт гудамжаар явж, булан тойроод, шар модон байшингийн гол хаалганы дэргэд зогсож, хонхны товч дарлаа. Хариуд цахилгаан хонх хүнгэнэж, цоож өөрөө онгойход, Рихард дотогш орлоо. Цагаан чулуун арван хоёр гишгүүрт шат, талбай гоё хашлага, жижүүрийн жижиг цонх тэргүүтэн цөм танил зүйл...
Зорге нэг минутын дараа Берзиний хүлээн авах тасалгаанд орсон байв. Нарийн бичгийн дарга Наташа дотогш ортол, тэндээс Өвгөний дуу сонсдов.
- Оруул, оруул, хятадын харьяатыг оруул... гээд Берзин өөрөө үүднээ ирж, Рихардыг бахим гараараа базан баавгай шиг тэврээд,
- За яриад байгаарай... гэлээ.
Нарийн бичгийн дарга зузаан эсгий тойруулж хадсан үүдийг хаагаад гарлаа... Яриа удаан үргэлжлэв. Наташа дахин цай оруулж өгсөн боловч, тухай бүр хөрч, зөөгөрсөн, уугаагүй хэвээр байлаа.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited