#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.17 10:40 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.11.16 11:34 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Совершенно секретно, при опасности сжечь

Зөвлөлтийн нэрт зохиолч Юрий Корольков энэ номдоо 1920-иод оноос дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл хугацаанд Японоос Алс Дорнодод явуулсан түрэмгий үйл ажиллагааг, Японы засгийн эрхэнд цэргийнхэн хэрхэн гарсныг, Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге, түүний нөхдийн үйл ажиллагааны тухай түүхэн баримттайгаар үзүүлжээ.


Last edited by Surfer on Apr.11.16 11:42 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.11.16 11:38 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1140
:cheerleader:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.11.16 11:39 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
ПАСТЕУРЕЛЛА ПЕСТИС

ЭХЛЭЛ

Алс Өвөр Байгалын нэг хотод алдар гавьяа нь одоо мартагдсан нэгэн хүний хөшөө байсансан... Квантуны армийг бут цохиж, дэлхийн хоёрдугаар дайн дуусаж байсан үед төмөр замын өртөөнөөс холгүй талбай дээр энэ хөшөө байсан санагдана. Гэхдээ хөшөө ихэд муудаж, гаднах өнгөлгөө нь сарампай лугаа адил хуудас хуудсаар хууран унаж, хэтний цахиурт тохирох хольц ихтэй хөхөлбөр тоосгон суурь нь ил гарчээ. Манайд ийм тоосго хийгээгүй удсан тул худалдаачны эвдэрсэн дэлгүүр эсвэл иргэний дайны үед хаагдсан сүмийн тууринаас авч хөшөөнд хэрэглэсэн бололтой.

Цементээр бичсэн жирийн орос нэр мөн л хууран унаж, хөшөө нэргүй болжээ. Энэ хөшөө бараг иргэний дайны үеэс бий болсон юм. Би алс Өвөр Байгалын тэр хотод очоогүй удсан тул одоо уг хөшөө байгаа эсэхийг мэдэхгүй... Хөшөөг сая сая хүний амь аварсны төлөө, Орос орныг, бэхжиж амжаагүй залуу Зөвлөлт улсыг нөмрөн ирсэн нийтийн гамшгаас зайлуулсны төлөө тахал судлагч докторт зориулан босгожээ.

Зарим нэг шалтгааны учир би докторын жинхэнэ нэрийг одоогоор хэлэхгүй. Цөмийг тоочих цаг арай болоогүй бололтой... Докторыг Александр Никитич Микулин гэж нэрлэе...

Александр Никитич чухам ямар нөхцөл байдлын улмаас Алс Дорнодод буцаж ирснийг түүний ойр шадар хүмүүсийн хэн нь ч санахгүй болжээ. Тэрбээр цөллөгийн хүмүүсээс гаралтай. Эцэг нь өнгөрсөн зууны эцсээр Дундад Оросын бүсэд болсон тариачдын бослогод оролцсон хэргээр Сибирьт цөлөгджээ. Микулиныхан Өргөн мөрний хөвөөнд Нерчийн завод хэмээх хотхонд амьдарч байлаа. Арван дөрвөн оны дайны өмнөхөн анагаах ухааны дээд сургуулийн төгсөх ангийн оюутан Александр Микулин диплом авч амжилгүй цэрэгт явжээ. Оюутны үймээнд оролцож, цөлөгдөх аюул тулгараад байсан түүнийг хялбар салсанд тооцож байлаа.

Түүний тэр үеийн гэрэл зураг гэр бүлийн альбомд хадгалагдаж үлджээ. Түрүүч цолтой, гар нь боолттой гуч эргэм насны залуухан эр зураг авахуулахад зориулсан дууриамал хайс түшин суужээ. Эрүүл гараараа сэлэмний бариул барьж, өвдөг дээрээ малгайгаа тавьж, нүүрэнд нь бодлогошронгуй зоримог байдал тодорч цогтой нүдээр ширтжээ.

Хүмүүсийн ярилцахыг сонсвол, тэрбээр германы дайны дараа Сергей Лазогийн отрядад партизанчилж, Колчак, барон Унгерн, Японы интервентийнхэнтэй тулалдаж явжээ. Нэг үе багшийн ажил ч хийжээ. Тэгээд өөрийн мэргэжлээр ажиллах болжээ.

Яг тэр үед л хамаг хэрэг гарчээ. Александр Никитич найдвартай хамгаалалтын дор хотоос зайдуухан орших өндөр хашаан дотор тарваган тахлын станцын даргаар ажиллаж байв. Эмч нар тахлын идэвхтэй вакциныг шилэн колбод хадгалах бөгөөд халдвар тараагч янз бүрийн мэрэгч амьтад дээр туршилт хийдэг байж. Нэн чанга хамгаалалт бүхий хоёр дахь хашааны голд лаборатори байрладаг ажээ.

Эмч нар долоо хоногоор ээлжлэн ажиллаж, дараа нь хөлийн хорионд орсны эцэст сая гэртээ харьдаг байв. Лабораторид хоёр давхар харуул дамжин орох бөгөөд гадаад ертөнцтэй гагцхүү утсаар харилцана.

Өвлийн хүйтэн чангарч, шинэ жил ойртож байсан үе. Сайн дурын хорионд гурван их эмч, лаборант, галч, цэвэрлэгч зургуул ордог байв. Ажил тараад үдэш оройн цагаар "кают-компани" гэж шоглон нэрлэдэг давчхан гуанзанд цугларч, ханд лугаа адил сибирийн аагтай цай ууж, яриа хөөрөө дэлгэн, шинэ жилийг хүснэ. Харин тэд нар шинэ жилийг цөм үзэж чадсангүй. Нэг орой дуугүй бүрэг цэвэрлэгч эмэгтэйн бие муудав. Ханиад хүрээ биз гэж бодоод бүгд анзаарсангүй. Гагцхүү Александр Никитич түүнийг тусгаарлан, өөрөө халууныг нь хэмжиж үзэхэд, онц юмгүй байсан авч, өглөө болоход үе үе аймаар ханиалгаж, бие нь их сульдаж, халуун нь ихсэж, ялангуяа цустай цэр гарч тарваган тахлын шинж тэмдэг илэрлээ.

Александр Никитич сандран өрөөнөөс гарч, "кают-компаний" үүдэнд зогсон, нам дуугаар хэлсэн нь:

- Нөхөд өөь тайван байцгаа. Пастеурелла пестис гарцаагүй мөн боллоо... Даруй нэгбүрчилсэн хорионд орцгоо.

Өвчтөнийг би асарна. Надтай ямар нэг холбоо байж болохгүй! Халуунаа хоёр цаг тутам үзэцгээ.

Лаборант хүүхэн чамархайгаа хурууныхаа үзүүрээр чимхлэн байж сонсов. Царай нь айсандаа цайжээ.

- Александр Никитич ээ, та хэрэггүй, би асрах ёстой...

- Үг дуугүй тушаал биелүүл! гэж Микулин үгийг нь таслан ширүүн хэлснээ, харц нь зөөлөрч, - Елена Викторовна, танд баярлалаа. Би анхнаасаа өвчтөнтэй хамт байсан болохоор надад алдах юмгүй... гэв.

Тэрбээр өр өвдөж гунигтай инээмсэглээд, тасалгаандаа орж хотын эрүүлийг хамгаалах хэлтэс рүү утасдав. Эриксоны ханын утсыг удтал эргүүлсний эцэст утасны нөгөө үзүүрт танил сайхан дуу сонсдов.

- За, нөхер Микулин, цөм сайн биз дээ! Шинэ жилийг угтаж байна уу?

- Манай энд гай дайраад, муухан байна!

- Юу болоо вэ?

- Станцад пастеурелла пестис гарлаа... Асрагч эмэгтэй өвчилсөн.

- Чи юу хэлнэ вэ!?... Пастеурелла пестис!.. Юу болох нь энэ вэ?!.

- Тиймээ, энэ үнэн... Мужийн хороонд мэдэгдээрэй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Хотод хөл хорьж, урьдчилан сэргийлэхгүй бол пастеурелла пестис мужийг хамарч магадгүй.

Александр Никитич, хэн нэг хүн сонсож магадгүй гэж тахлыг латин нэр томьёогоор нэрлэн ярив.

- Гэвч чи оношиндоо итгэж байна уу?

- Тийм ээ... Хүлээж байя, бурхны авралаар ганц тохиолдлоор өнгөрч юу магад... гэж Микулин яриагаа төгсгөв.

Гэвч ганц тохиолдлоор өнгөрсөнгүй. Өвчтөний байдал улам муудав. Хаанаас халдвар авав? гэж Александр Никитич шаналан бодно. Өвчтөнөөс асуухад, мэдэхгүй гэсэн хариу сонсдов.

Асрагч эмэгтэй маргааш орой нь нас барлаа. Нас барахынхаа өмнөхөн Александр Никитичийг дууджээ. Дээрээс нь тонгойсонд, дөнгөж дуулдахаар намуухан ярьсан нь:

- Нөхөр Микулин, бие минь муу байна, тэсэхгүй нь бололтой... Би энэ халдварыг гүйцэд шатаагаагүй юм. Бурхныг бодож намайг өршөөгөөрэй.

- Ямар халдвар? гээд Микулин халаад өмсөж, хаалтаар амаа сайтар таглан өмнө нь зогсов.

- Шилэн савтай. Александр Никитич, таны өмнө гэмээ хүлээе. Үнэнээ хэлэхээс айсан юм. Бид жижүүрт гарсны маргааш өдөр болсон хэрэг. Цэвэрлэгээ хийж, аль болохоор сайн цэвэрлэхийг хичээж байтал ханцуйгаараа шилэн сав татаж хагалсан... Би алчуураар арчаад, пийшинд хийсэн... Таныг сандаргахыг бодоогүй юм...

Микулин хирдхийн,

- Савыг нь яасан? гэв.

- Савыг нь мөн пийшинд хийсэн. Хагарсан бүх шилийг нэгбүрчлэн түүсэн. Нян халаадан дээр тогтсон байж болох юм, гайгүй биз гэж бодоод хаях ухаан орсонгүй...

Микулин хотын эрүүлийг хамгаалах хэлтэс рүү дахин утасдлаа. Одоо тахал судлалын станцтай шууд утсан харилцаа тогтоож, хорин дөрвөн цагаар харилцуурын дэргэд жижүүр тавин ажиллуулжээ.

- Өвчтөн нас барлаа... Бусад хүмүүс халуураагүй байна... Би юу?... Би бас халуунгүй... Баярлалаа танд...

Түгшүүрт өдрүүд эхэллээ. Пастеурелла пестис тоглоомын эд биш!... Хүмүүсийг үймүүлж сандраахгүйн тулд аймшигт өвчний нэрийг Москва руу явуулсан шифрлэсэн цахилгаан утсанд хүртэл, хүн болгоны үл ойлгох латин нэрээр бичжээ. Харин эмнэлгийн хүмүүс үүний юу болохыг мэдэх бөгөөд Юстиниановын дундад зууны эхэн үед тахал тавин жил үргэлжилж, зуун сая хүний амь насанд хүрчээ. Бас нэлээд хэдэн зууны дараа тарваган тахал Европын хүн амын дөрөвний нэгийг авсанд хийжээ. Гэтэл Өвөр Байгалын тарваган тахал эсэргүүцэх эрдэм шинжилгээний станцад пастеурелла пестис гарах нь энэ...

Өвөр байгалын бүх өртөөнүүдэд нууц хөл хорилт зарлаж, төмөр замын билет худалдахгүй болов. Хотод вокзал хаагдаж, суудлын галт тэрэг зогсолгүй өнгөрнө. Тахал тархвал голомтыг нь хаах, тусгаарлах зорилгоор цэргүүдийг бэлэн байлгаж байлаа. Юу болохыг хүн бүхэн түгшин хүлээнэ. Тахал эсэргүүцэх станцад ч мөн хүлээж байлаа. Станцыг бүрэн зэвсэглэсэн цэргүүд сумны тусгал хүрэх зайнд бүслэн хүрээлж, юу ч үл ойртуулна.

Александр Никитич нас барсан асрагч эмэгтэйн биеийг өөрөө гаргаж, тусгай байшинд оруулж тавиад, цагаан нөмрөгөөр бүтээв... Энд хүүрийг шатаана...

Далд үе дуусах ойртож байлаа. Хүн бүхэн халуунгүй, бие сайн байв. Александр Никитич бараг санаа зовохоо больжээ... Бас нэгэн өдөр өнгөрөхөд тахал судлаач докторын бие бага зэрэг суларч, толгой өвдсөнд халуунаа үзвэл халуунтай байлаа. Энэ бол пастеурелла пестисээр өвчилсний аймшигт шинж тэмдэг...

Өвчин түргэн газар авлаа. Хахаж цацан ханиалгаснаас цээж нь хөндүүрлэв. Доктор утас авлаа.

- Бүх юм хэвийн байх шиг бололтой гэж ханиалгахгүйг хичээж биеэ барин хэлээд - Далд үе дууссан. Ганцхан би өвчилсөн. Одоо ариутгал хийх нь чухал... Манай гэр орныг харж хандаж байхыг гуйя. Эхнэрийг сувиллын газарт явуулсан ч болно. Сувилуулах шаардлагатай байгаа юм. Тэр, миний хувь заяаг аль болох хожуу мэдээсэй билээ...Баяртай! гээд Александр Никитич хариу хүлээлгүй харилцуурыг өлгөв. Ханиалгаж, сул доройгоо үзүүлэхээс айжээ. Маш их хатан зоригтой байх хэрэгтэй байв.

Доктор Елена Викторовнаг тасалгааныхаа үүдэнд дуудав. Сэрч даавуун боолтны цаанаас дуу нь бөглүү сонсдоно.

- Маргааш хэн нэгэн чинь халуурч эхлэхгүй бол хот руу утасдаж, тахлын аюул зогслоо гэж мэдэгд. Бид чадлынхаа хирээр ажиллав... Утсан харилцуурыг ариутгахаа мартуузай. Юу болсныг эхнэрт битгий хэлээрэй. Баяртай!

Доктор залуу эмэгтэй өөр рүү нь ухасхийхийг хараад, дохиогоор анхааруулж, хаалгаа хаалаа. Маргааш болоход амьд байхгүйгээ мэдэж байлаа. Цагаан нөмрөг хөдрөөд, тахал судлах станцын хашаан дотор гарлаа.

Амьд үлдсэн хүмүүс мөстсөн цонхоор, Александр Никитичийг харж байлаа. Тэр шүд зуун тэсвэрлэж, сульдаж доройтсоноо хэнд ч мэдэгдэхээргүй, яг л буудуулахаар туугдаж явсан шигээ үхлийн зүг алгуурхан алхана... Тэгэхэд зугтаж амжсан, одоо зугтах газар алга... Хүүрийн байшинг чиглэн алхлав.

Модон вандан дээр, өөр бусдыг биедээ хүрэхээс болгоомжилж, толгойгоо цагаан нөмрөгөөр бүтээн хэвтэв. Ийнхүү бусдын төлөө санаа тавьсаар нас барлаа.

Ийнхүү Өвөр Байгалын нэгэн хотод болсон гай гамшгаас олон хүний амийг аварсан хүний нэргүй хөшөө одоо байсаар байж ч магадгүй. Хэрэв хүн ингэж үхэж чаддагсан бол юутай амь бие хайргүй амьдрах ёстой байв! хэмээн би бодлоо.

Би доктор Александр Микулинийг нас барснаас хойш олон жилийн дараа түүний дэвтэр, тэмдэглэл, цуглуулсан сонины хайчилбаруудыг уншлаа. Александр Никитичийн ганц өөрөө л тайлж чадах нууц үсгээр бичсэн зарим нэг тэмдэглэлийг би уншиж чадсангүй. Зарим тэмдэглэл нь хэдхэн мөрөнд багтсан богино байхад зарим нь дэлгэрэнгүй байлаа. Чухам ямар нөхцөлд, хаана байснаас бүх юм хамаарах ажээ.

Би энд Микулиний тэмдэглэлээс нэлээд хожим өгүүлэх үйл явдалтай холбогдох тэр хэсгийг авлаа.


Top
   
PostPosted: Apr.11.16 11:46 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
ЭРТ УРЬД

Дээд Үд. Бараг гурван сар Монголд байжээ. Партизан байснаа дахин эмч болжээ. Тахал судлах экспедицийг удирдаж байсан бөгөөд дашрамд хэлэхэд өөр зүйл сонирхож байжээ. Гэтэл хамаг хэрэг өнгөрсөн жилийн Чита хотод болсон нармай монгол улсыг байгуулах зөвлөлгөөнөөс үүсэв. Бурхадын ноён Нээс гэгээнийг хуримын генерал болгожээ. Тэр нь бага хурлын дарга болсон хэдий ч, бүх ажил хэргийг шаламгай япон хошууч Сүзүки удирдав. Энд атаман Семенов ч дутсангүй, өөрийгөө буриад хэмээн, японуудад биеэ худалдлаа.

Бага хурал дээр алаагүй баавгайн арьс хуваав. Нээс гэгээнийг Их Монгол улсын тэргүүнээр сонголоо. Японы төлөвлөгөөгөөр энэ улс Байгал нуураас Төвд, баруун тийш бараг Каспийн тэнгис... хүрэх ёстой байв. Энэ бол японы санаархал! Зүүн тал нь Өвөр Байгал, Приорье, Камчатка, Сахалин, баруун тал нь оросын Дундад Ази тэр аяараа орох ажээ. Их Монголын эзэн хаан ширээнд "амьд бурхан" Богд гэгээнийг өргөмжлөх саналыг мөн л Японы санаачилгаар гаргалаа.

Барон Унгерн ялагдал хүлээж, бут цохигдсон хэсгээ монгол нутагт авч орлоо. Түүний цэрэгт японы далан офицер зааварлагч, сургагчаар ажиллаж байв. Тэдний юу хийх гэж байгааг мэдэх хэрэгтэй. Тэр ч байтугай энд, өөрийн нутаг дээр болж байгаа юмсыг нарийн ширийн бичих аргагүй. Өнөөдөр бид байхад маргааш атаман Семенов ирнэ. Дайн биш, давхарласан бялуу гэсэн үг.

Хиагтын ойролцоо хүндэт өвгөн доктор Сергей Николаевич В амьдардаг байв. Тэр тахал эсэргүүцэх ажлаар Монголд олонтаа очиж байжээ. Сүүлчийн удаа хувьсгал саад болж явсангүй. Харин бичиг баримт нь, бүр Эрхүүгийн амбан сайдын захидал үлдсэн ажээ. Би өвгөн докторын өрөөнд сэтгэл хичнээн хөдөлж микроскопонд хүрсэн гээ! Тэр, миний гурван жил, юуны чинь гурав, германы дайныг тооцвол зургаан жил гартаа микроскоп биш, винтов барьж явсныг мэдээд бүр уярч билээ. Бид түүнтэй нөхөрлөж, би түүний туслах болон Монгол руу явцгаалаа.

Бидэнд Колчакаас булаан авсан хуучин форд тэрэг өглөө. Байрнаасаа бараг хөдөлж дийлэхгүй болтол нь ачаагаар дүүргэв. Бас дээр нь спектор машины жолооч Дугарсүрэн, монгол орчуулагч Дамба бид дөрвүүл суулаа. Дашрамд хэлэхэд Дамба бол одоо монголын малчин ардыг бароны эсрэг, хятад генералын эсрэг босгож байгаа Сүхбаатарын үеэл дүү ажээ.

...Бид Хүрээг холуур тойрон өнгөрч, аль болох зэлүүд газар үе үе зогсон явсаар Чуулалт хаалгын замд орж, Сергей Николаевичийн хуучин танил хамба лам Цэрэндоржийн хийдэд ирж буув. Бид байдаг бензинээ дууссан, өөр бензин олох газаргүйн улмаас энд хоёр долоо хонолоо. Цэрэндорж лам тэмээ өгнө гэсэн боловч, хийдийн мал сүргийг үүгээр өнгөрөх хятад цэргүүд юмуу эсвэл хунхуузын тэнүүлчин дээрэмчдэд алдахаас болгоомжилж говь руу аваачсан байлаа. Цэрэндорж тэмээ авчруулахаар хүн явуулсан боловч, хэзээ ирэхийг мэдэхгүй.

Азтай учралаар бид энэ олзлогдсон байдлаас гарав. Бид эрдэм шинжилгээний туршлага хийхээр тарвага барин талд явж байтал, хаанаас ирсэн нь бүү мэд, нэгэн автомашин хажууд ирж зогсов. Арын суудалд суусан монгол эрийн хажууд монгол дээл, орос даргын малгай өмссөн, ширвээ сахалтай, өргөн магнайтай, гартаа таяг мэт бүдүүн хулсан бэрээ барьсан нэгэн хүн суужээ. Машины араас морьт баг цэрэг үл мэдэг хоцорсхийн дагажээ.

- Та нар юун улс вэ? гэж тэр оросоор асуув.

Сергей Николаевич нэрээ хэлж, намайг өөрийнхөө туслах гэж танилцуулаад, ярилцагч хүний алдрыг эелдэг байдлаар асуулаа.

- Азийн дивиз командлагч Барон Роман Феодорович Унгерн фон Штернберг гэдэг би байна. Та өөрийнхөө хэн болохыг юугаар нотлохсон бол? Унгерн хашгирах мэт чанга дуутай, тасалданги яриатай хүн байв.

- Би Монголд олон удаа ирж байгаа хүн. Эндхийнхэн цөмөөрөө намайг танина... Бид одоо Цэрэндорж ламын хийдэд байрлаж байгаа. Өргөө хотын орос худалдаачид, пүүсний эздийг танина... гэж Сергей Николаевич аядуухан хариуллаа.

- Үүнийг чинь, Өргөөг авахдаа, хожим шалгана. Цэрэндоржийн хийдэд байгаа чинь хангалттай. Цаашид яах бодолтой байна?

- Худалдах тэмээ хэзээ олдохыг хүлээж байна.

- Ямар унаагаар энд ирсэн юм?

- Фордоор ирсэн, бензингүй болчихоод байна.

- Бензингүй гэнээ? Би тэмээ өгч тусалъя, оронд нь фордоо өг. Зөвшөөрөх үү?

Унгерн хариу хэлэхийг хүлээлгүй морин цэрэг рүү эргэж,

- Сипайло! гэж дуудав. Баг цэргээс нэгэн сархгар хүйтэн царайтай хүн урагш гарч ирэв. Тэр татваганан, ямар нэг өвчинд идэгдсэн мэт аж. Сипайло машины дэргэд морио зогсоож, гараа малгайдаа хүргэн ёслов.

- Цэрэндорж ламынд бензин хүргэж өгөөд энэ ноёдыг машинтай нь над руу авчир гээд Унгерн хулсан бэрээгээ жолоочийн мөрөнд хүргэсэнд, машин ухасхийн хөдөллөө. Араас нь морин цэрэг дагалдав.

Өглөөгүүр хийдэд тэмээн жингийн багавтар цуваа ирлээ. Нэг тэмээнд бензинтэй жижиг торх тэгнэж, бусад гурван тэмээг ахмад тэргүүтэй зэвсэгт цэргүүд унажээ.

- Та нарыг эрхэм барон Унгерн жанжинд хүргэж өгөхийг хурандаа Сипайло тушаасан хэмээн ахмад хэлэв.

Бид нүцгэн тал дундуур далаад мод газар явтал алсад шавар чулуун хэрэмтэй нэгэн хийд харагдав. Хийдийн үүдэнд ромын лам нарыг санагдуулам хурц шар орхимжтой лам нар үймэлдэнэ. Хийдийн дэргэд айлууд байх агаад цаана нь мал бэлчээрлэн байлаа. Ахмад бидний машинаар ирээд, нэгэн тийш алга болсноо, эргэн ирж, биднийг дагуулан одлоо. Намхан дээвэртэй, хавчиг цонхтой нэгэн том тасалгаанд оруулав. Тасалгааны голд хар модоор сийлж хийсэн хятад ширээ байх бөгөөд дээр нь өнгөт шилээр чимэглэсэн дэнлүүг хүрэл гинжин оосроор дүүжилжээ.

- Энд та байрлах болно, таны хүмүүсийг гэрт оруулна гээд ахмад гарч яваад, хэдэн минутын дараа эргэж ирэн ноён докторыг эрхэм жанжин морилон ирэхийг гуйж байна гэв.

- Дөрвөн цаг хиртэй болсны эцэст доктор буцаж ирэв. Тэр сандал дээр лагхийн сууж, нусны алчуураар нүдний шилээ арчиж, хамартаа хавчаад, над руу буурал сахлаа имрэн харж

- За буянт эзнийг харж, сонсож ханалаа... Тэгээд бас оросын дайны сор гэж байна!.. гэв.

Бн хана руу болгоомжлон зааж, хананы цаанаас сонсож байж болохыг сануулав. Бид хоёр хашаан дотор гарлаа. Сергей Николаевичийн ярьсан бүгдийг дурдалгүй, зөвхөн утгыг бичье.

Барон түүнийг өөрийнхөө гэрт урьжээ. Унгерн нармай монголын талыг баримталдгаа байн байн дурдах бөгөөд хэдийгээр саяхан хятад эхнэртэй байсан боловч монгол эхнэр авч, шарын шашинд орсон ажээ. Тэр соёлт ертөнцөөс салсандаа гоморхож, Сергей Николаевичтай монголд хамт ажиллаж байсан Пржевальский, Козлов хоёрыг асуужээ. Унгерн удам судраа ч магтан ярьжээ.

Түүний ярьснаар бароны удам угсаа Аттилын үеийн дайнч гунн нараас эхлэх бөгөөд өөрөөр хэлбэл мянга гаруй жил үндэс угсаа үргэлжилж байгаа ажээ. Одоо Унгерн өвөг дээдсийнхээ шарил дээр ирсэн мэт, тэд нар нь нармай монголын их улсыг байгуулахад зоригжуулан байгаа мэт байв.

Унгерний өвөг дээдэс Арслангийн Зүрхт Ричардын удирдлагаар загалмайн аян дайнд оролцож явжээ. Монголын байлдан дагуулагчдын үеэс Иерусалимын бунханг чөлөөлөх хүртэл дайтан явжээ. Инээдтэй хэрэг! Тэр ч байтугай Палестиныг довтолсон загалмайн дайн Унгернийхний оролцоогүйгээр өнгөрсөнгүй, тэгэхэд бароны өвөг Ральф Унгерн алагджээ.

Ийнхүү Унгерний удам судар олон зуун жилийн турш ямар нэг орныг байлдан дагуулах эрмэлзэлтэй явж иржээ. XIII зууны эхэнд Германы илдтэний бүлэглэлд багтан славян, эстон, латвиудтай байлдаж, гал, мэсийн аюулаар христосын шашинг дэлгэрүүлсний ачаар хэдэн зуун жилийн турш Унгерн фон Штернбергийн шилтгээн Балтийн орчим нутагт сүндэрлэн байжээ. Ийм ч үчраас Унгернийхнийг дорнодын баронууд гэдэг ажээ. Роман Федоровичийн ойрын өвөг дээдэс далайн дээрэмчид байсны дотор өвөг эцэг нь Энэтхэгийи далайд английн худалдаачдаас татвар татаж байжээ. Өвөг эцгийг нь баривчилж, Англид аваачиж, дараа нь Оросын засгийн газарг шилжүүлжээ. Тэгээд Өвөр Байгалд цөлжээ. Унгерний удам угсаа анх гуннууд байлдааны аянаа эхэлсэн тэр нутагт эргэж иржээ.

Барон Роман Федорович Унгерн фон Штернберг гэдэг ийм л хүн дээ. Монгол, Өвөр Байгалд түүнийг "цуст барон" гэдэг. Тэр өөрөө ч үүнийг үгүйсгэдэггүй ажээ. Гэрт ярилцаж байх зуур хэд хэдэн удаа япон хошууч орж ирсний дараа япон ахмад орок ирэв. Тэд шүдэн завсраараа агаар сорж, баронтой нэгэн зүйлийг шивнэн ярилцав. (Хожим би хошууч нь Сүзүки, ахмад нь Хара гэдэг бөгөөд японы жанжин штабын тагнуулын тасгийн хүмүүс болохыг мэдсэн юм). Их монголын Нээс гэгээний засгийн газар бүтэлгүй болсны дараа японууд, барон Унгернд найдвар тавьж буй нь илэрхий.

Унгернийг дагалдан явсан нөгөө зандалчин, сөрөх тагнуул хурандаа Сипайло орж ирэв. Тэр нэгэн юм шивнэн хэлсэнд, Унгерн хулсан саваа аваад гарав. Сергей Николаевич хаалганы завсраар юу болсныг үзэж, сонсчээ. Морьт цагаан хасгуудаар харгалзуулсан зургаан улаан цэрэг хөл нүцгэн, ганц өмд, дотуур цамцтайгаа зогсож байв. Барон урагш болж, олзлогчдогчдын царайг цоргин ширтсэнээ, гэнэт үсрэн зайлж, эгнээний захад байсан улаан цэргийг саваагаар цохив.

Олзлогдсон цэрэг хажуу тийш бултсанд, хүнд хулсан саваа нуруун дээгүүр нь гулсан өнгөрөв. Энэ явдал бароны уурыг шатаажээ. Барон хашгиран зогсоо зайгүй зодсонд, улаан цэрэг унав. Унгерн түүнийг цохисоор л байлаа.

Олзны цэргээс хоёрыг хажуу тийш нь аваачуулаад, бусдад нь: "Оргох гэвэл хүн бүхнийг ингэх болно... Та нарыг өөрийнхөө цэрэгт авлаа, комендантын газар очицгоо. Эд нарыг үхтэл нь банзад" гэж хэлээд буцаж гэрт орон, ханзан дээр суугаад, юу ч болоогүй мэт яриагаа үргэлжлүүлжээ.

Сергей Николаевичийн хэлэх нь, бид хэрэв хятадуудаас айхгүй бол хэд хоногийн дараа Хүрээ рүү явж болно гэж хэлсэн ба Унгерн ч Хүрээг авмагц, тэнд даруйхан очих бодолтой байна гэжээ.

...Бид зочломтгой цуст бароноос амар мэнд салж, Хүрээнд сайн явж ирлээ. Сергей Николаевичийи хуучин танил, мал, ноос наймаалдаг монголжсон орос худалдаачин Даниловынд бууцгаалаа. Бид цааш явахдаа өөр тэмээ авахаар тооцоолж, түүнд тэмээгээ хямдхан худалдав.

Хүрээнд ирэхэд ямар нэгэн баяр наадам болоогүй хир нь энд тэндгүй туг далбаа намиран байв. Худалдааны дэлгүүр, мухлаг, түүхий эдийн газар, тэр ч байтугай бүдүүн шургааган хашаатай айлууд, мөн Туул голын эрэг дээрх ахын асар майхнуудын дээр орос, хятад, япон, америк зэрэг олон үндэстний далбаа мандуулсан нь гадны довтолгооноос туг далбааны эздийг төвд судар лугаа адил хамгаалах. учиртай ажээ. Хотын байдал түгшүүртэй, хятадын генерал Сюй Шүжаны цэргүүд энд тэндгүй бүлэг бүлгээр явж, нүдэндээ харагдсан болгоныг хурааж, дээрэмдэж байлаа. Унгерний дивизийн хасгууд бас дээрэм тонуул хийнэ. Хятадууд тэднийг Хүрээнд ойртуулахгүй ч, үе үе Унгерний морин цэргүүд хотод нэвтрэн орж, буудалцан байж яаран сандран дээрэм хийгээд давхиж одно. Далбаанууд халдашгүй байдлыг бий болгон, өөрийн улсын иргэдийг хамгаалан байх мэт. Бид бас Даниловын хашааны хаалганд хадсан оросын улаан, хөх, цагаан өнгө алагласан далбаан дор сууж байлаа.

Хэлмэрч Дамба биднийг энд буумагц, ахыгаа олж уулзахаар алга болов. Сүхбаатар орос хэвлэлийн газар үсэг өрөгчөөр ажиллаж байгаад, одоо нууц байдалд орсон сурагтай. Хөдөлмөрч монголын ард түмнийг хятад генералын эсрэг, өөрийн ноёд феодалын өөдөөс, мөн барон Унгерний өөдөөс босгох амаргүй ажил түүнд ногджээ. Троицкосавскаас тагнуулын дивизионы дарга Лавровын дамжуулсан зүйлийг ахдаа хүргэх зэрэг бас бус ажил Дамбад байлаа.

Дугарсүрэн Данилов худалдаачны барлаг зарц нарын байранд байрлав. Худалдаачны түүхий эдийн газарт элдэв барлаг олон агаад мань Дугарсүрэн хятад худалдаачидтай нөхөрлөл тогтоов.

Сергей Николаевич бид хоёрт зочдын том тасалгаа гаргаж өглөө. Бид эзний хамт гурван хувингийн багтаамжтай халуун тогооноос цай ууж, түгшүүрт амьдралынхаа талаар ярилцан, хэв журмын тогтворгүйд гоморхох худалдаачны яриаг сонсож, хотоор тэнэв. Сергей Николаевич экспедицид явахад юугаар ч сольшгүй хэрэгтэй хүн. Тэр монголын судлалын мэдлэг сайтай, тэгэх тусмаа хэл гарамгай мэднэ. Өөрийн эмнэлгийн олон талт мэргэжлээс гадна угсаатны зүй, шарын шашны түүх шастир, хуучны судлалд сайн. Түүнээс гадна цайлган сэтгэлтэй, эелдэг, ёстой л оросын сэхээтний төлөөлөгч хүн...

Тэр бид хоёр нэгэн удаа Хүрээний муруй тахир гудамжаар хий дэмий сэлгүүцэн явлаа. Нар хэдий дээр хэвээр ч, бүгчим халуун намдаж эхлэв. Сергей Николаевич юмыг бодож ярьдаг зангаараа бодлогошрон ярив.

"Би амьд амьтдаар зогсохгүй бүхэл улс үндэстэн сааталд ордог юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Жишээлбэл,

Монгол улс хожим өөрийгөө Чингис хаан хэмээн нэрлэсэн Тэмүүжингийн үед ямар байсан тэр л хэвээрээ, эртний дундад зууны тэр л байдлаараа шахам байна. Тэмүүжин дэлхийн тал хувийг эзлэхдээ хуучны соёлыг ч хадгалан үлдээсэнгүй, шинээр ч бий болгосонгүй. Байлдан дагүүлагчид ийнхүү зэрлэг, бүдүүлэг нүүдэлчин хэвээр үлджээ. Үүнд л тэдний золгүй явдлын гол шалтгаан байна гэж би үзэж байна. Түүхийг гэдрэг эргүүлж болохгүй гэдэг. Үүнийг сайн ойлгохгүй байна. Түүх бол түүх шүү дээ. Тэр цаг хугацааны адил хязгааргүй, үүрд мөнх. Гэтэл түүнийг хааш нь эргүүлэх гэж?.. Би дэвшилгүй амьдрал байж болохгүй гэж өөрөөр хэлбэл байсан юм. Ганц Чингис хаан гурван зуун мянган цэргээр Номхон далайгаас Хар тэнгис хүртэлх газар нутгийг байлдан дагуулж, Польш, Унгарт хүрч, Египет, Персийн буланд цөмрөн орсныг бод л доо. Тэгээд дэвшил байсангүйгээс цөм задран бутарчээ. Тэр урдаас хяхран ирж яваа модон тэрэг л үлджээ. Магадгүй энэ тэрэг хагас мянган жилийн тэртээ Орос нутагт явж байсан ч юм бил үү" гэж Сергей Николаевич сахлаг үст монгол морь хөллөсөн хоёр дугуйт тэргийг заагаад "Тэрэг одоо ч энд байсаар бөгөөд морь ч тэр л хэвээрээ, хэвшил ч хуучин янзаар, хүмүүс ч мөн адил. Тэднийг өөр байлдан дагуулагчид нухчин дарж, өөрсдийг нь хөгжил дэвшлээс ангижруулжээ. Ийм нөхцөлд амьдрал зогсонги байдалд ордог. Энэ бол саатал мөн. Энд одоо болтол хамжлагат ёс байсаар байна.

Гурван зуун мянган морин цэрэг гэдэг бол хэрэв тэр үед орос нутагт гурав дөрөвхөн сая хүн оршин сууж байсныг бодолцвол, тийм ч бага биш тоо.

Монголчуудын довтолгоон Орос орныг ихээр хохируулсан юм. Бидний хөгжлийг зуун тавь, хоёр зуун жилээр ухраасан. Бид бас сааталд орсон бөгөөд дөнгөж сая Орос орон олон зуун жилийн нойроос сэрлээ. Би улс төрийн хүн биш ч, та нар, большевикууд Орос орныг сэрээсэн явдалд баярлаж явдгаа хэлье... Биднийг юу гэдэг билээ дээ. Биднийг хоцрогдсон, соёлгүй, орос орныг унхиагүй, бичиг үсэггүй... гэдэг. Гэтэл муу нэрт Орос орон монголчуудын довтолгооны үед Европыг аварсан! Өөрийн уудам нутагтаа татаарын нүүдэлчдийг хоёр зууны турш барьсан юм. Хэрэв Чингис хаан Итали, Францад... очсон бол юу болох байсныг бод л доо. Оросууд өөрийн саатлаар Европын дэвшил, соёлыг хамгаалжээ..." гэж ярив.

Бид хотын захад гартал, олон давхар чулуун суурьтай нүсэр том сүмийн дэргэд ирсэн байлаа. Хотгор дээврийн булан бүрд дүүжилсэн бортгон хонх салхи жаахан сэвэлзэх төдийд зөөлхөн жингэнэн дуугарна.

"Гандан гэдэг энэ дээ! Би таныг нааш авчрах гэж эртнээс бодсон юм. Явъя, явъя! Намайг үүний өмнө Хүрээнд ирэх үед энэ сүмийг амьд бурхан Богд гэгээнд зориулж дөнгөж барыж дуусаад байсан юм. Тэр Богд гэгээн тэр харагдаж байгаа Богд уулын аманд суудаг юм" хэмээн

Сергей Николаевич бодлоо таслан өгүүлэв.

Талбайн дундхи өндөр тавцан дээр нэгэн лам жигдхэн хэмээр аажимхан цан дэлдэх агаад цангийн намуун дуу агаарт бас л алгуурхан замхран байв. Цангийн дуу сүсэгтнийг санаа бодлоо хязгааргүй мөнхийн зүйлд төвлөрүүлэхийг уриалах бүлгээ... Бид мөргөлийн модны дэргэдүүр өнгөрлөө. Хүмүүс хүрд эргүүлж, мөлийж гялайсан нарсан модон дээр сунан мөргөж, босож ирмэгц дахин сунаж унан мөргөж байлаа.

Бид сүмд ороход сэрүүхэн агаад нууцат бүрхэг байдалд хүрээлэгдэн өөрийн эрхгүй шивнэн ярих болов. Лам нар шиг хурц улаан орхимж өмссөн, тос дааварласан царайтай жаахан банди биднийг дагуулан явав. Цаашлан явахад улам бүдэг болж, улаан буудай зузаан асгасан урт өргөн ширээн дээр олон цөгцтэй зул сүүмэлзэнэ. Энэ бүхэн галт хивс юм уу эсвэл өвөлжих талбайд ногоохон нахианы оронд хуван галын хэл улалзан байх мэт харагдана.

Банди биднийг улам цааш дагуулан улбар шар торгон дээр бичиж унжуулан байрлуулсан олон номын дэргэдүүр өнгөрөхөд саруул сайхан болж, бидний өмнө Жанрайсэг гэдэг Аръяабалын наян тохой шүтээн гарч ирлээ. Түүнийг тойроод мөн л хүрлээр хийсэн түмэн жижиг Аюуш бурхан байх ажээ. Шүтээний толгой сүмийн хүнхэн дор байрлаж, амгалан, аймшиггүй гэрэлт хүрлэн царай нь хаа нэгтээгээс тусах сүүмэлзсэн гэрэл гийгүүлнэ.

Жанрайсэгийн гарт уламжлалт лянхуа цэцэг юмуу ариун сав байсангүй, харин үлэмж томоор хийсэн нүдний цөцгий байлаа.

"Үүнийг хараач. Богд гэгээний харааг аврах гэж энэ сүмийг барьсан юм..." гэж Сергей Николаевич шивнэн өгүүлэв.

Талийгаач бурхны сүнс хүн болон төрснийг хувилгаан гэх бөгөөд тэрбээр хүн бүгдийг мөргөж сөгдүүлэх шашин төрийн тэргүүн болдог учиртай. Жавзандамба хутагтыг наймдахь хувилгаан хэмээн Төвдөөс хүүхэд байхад нь авчирч "олноо өргөгдсөн" хэмээн өргөмжилжээ. Гэтэл тэршалиг самуун, эрх танхил хүүхэд байжээ. Богд гэгээн шашны ёсыг зөрчиж монгол эхнэр авч, түүнийгээ дар эх хэмээн зарлажээ. Амьд бурхан яр өвчинд автаж, хараа нь аажмаар муудсаар байсанд өндөр эрдэмт лам нар бурхны номонд бичсэн ид шидийн ёсоор, бодисадын дүрийг үлэмж томоор хийж залбал Жанрайсэг бурхны гарт бариулсан нүдний цөцгий сохорч буй хувилгааны харааг аварч чадна гэж лүндэн буулгажээ.

Энэ бол арван жилийн өмнө, гадаад Монгол улс автономит эрхийг олж, Манжийн дарлалаас ангижирсны дараахан болсон хэрэг. Хаант Оросын засгийн газар монголын феодалуудаас хожмын ашиг завшааныг эрж, сүм барихад зориулж хоёр сая алтан рублийн зээлийг Богд гэгээнд олгожээ. Бодисадын дүрийг хятад урчууд Долнуурт бүтээж, Чуулалт хаалганы замаар хэдэн мянган мод газраас хүрээнд авчирчээ. Мөн л оросын хааны мөнгөөр Варшав, Долнуурт түмэн Аюуш бурхныг цутгасан ажээ.

Биднийг сүмээс гарахад лам нарын хувцас шиг том улаан наран алсад бараантах уулсын хярыг шүргэжээ. Сергей Николаевич Богд гэгээний амьдралын талаар миний мэдэхгүй юмсыг улайран ярьсаар явлаа. Хожим энэ бүхэн Монголын улс төрийн байдлыг ойлгоход их чухал зүйл болж билээ. Би түүний ярианы хамгийн чухлыг тэмдэглэж авсан юм.

Хүрээний дээд лам нарын дунд Сергей Николаевичийн хэдэн хуучин танил байв. Козловын экспедицээс хоцорч, энд хэдэн сар суухдаа Монголчуудын ужиг хуучин өвчинг анагаан эдгээж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн ажээ. Одоо тэдгээр лам нар Богд гэгээнд шадар ойр болжээ. Сергей Николаевич сүмд очиж номтой лам нарын дунд цагаа өнгөрөөдөг байв. Тэдний нэгийг би нэгэн удаа харсан юм. Тэсвэр тэвчээртэй байрын, гялалзсан хөнхөр нүдтэй, туранхай, өндөр лам байв. Докторын найз энэ лам хэргэм зэрэгтэй төлөгч хүн байлаа.

Доктор худалдаачин Даниловынд их л сэтгэл хөдөлсөн сонинтой буцаж ирээд, сүм, хувилгаан гэгээний ордон дотор юу болж байдгийг үдэш орой болтол ярив.

Автономит Монголын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт хаан, "олноо өргөгдсөн" Богд гэгээн болгоомжтой, дорно дахины заль мэхтэй, итгэлийг эвдэх зантай хүн байлаа. Өнгөрсөн жил хятадын генерал Сюй Шүжан Гадаад Монголыг гэнэт эзлэн авч Да хүрээнд цэрэглэн орж ирэхэд Богд гэгээн эсэргүүцсэнгүй. Сюй Шүжан монголчуудыг хятадын харьяанд эгүүлэн авах тухай Бээжингийн засгийн газарт өргөх бичгийг урьдаас бэлтгэн авчирч гарын үсэг зурахыг шаардахад, Богд гэгээн эсэргүүцсэнгүй. Автономит Монгол улс уналаа.

Урьд өмнө ойлгомжгүй байсан зарим зүйл энд, Да хүрээнд ойлгомжтой болов. Жишээлбэл, хошууч Сүзүки, ер нь японууд Нээс гэгээний даурын засгийн газарт яагаад хайнга хөндий болов? Эхлээд Даураас, одоогоор байхгүй Төвдөөс Өвөр Байгал, Номхон далайгаас Каснийн тэнгис хүртэл газар нутагтай ирээдүйн улсыг төлөөлөн олон улсын бага хуралд оролцох төлөөлөгчдийг Европ руу явуулав. Төлөөлөгчид Токиог дайран тойруу замаар гарч, дараа нь ул мөргүй сураг чимэг тасарчээ.

Ер нь тэгээд, Сүзүки ирээдүй муутай Нээс гэгээнийг төрийн тэргүүн болгохоор шилж сонгосны учир юу вэ? Да хүрээнд энэ бүхэн тодорхой болов. Богд гэгээн нармай монголын засгийн газрыг толгойлохоос татгалзсаны дараа японууд буриадын ноёнд сүүлчийн найдлага тавьжээ. Богд гэгээн Даурын бага хуралд төлөөлөгчөө ч явуулсангүй.

Сохор өвгөн алсыг харж, энэ хэрэг яаж төгсөхийг ойлгож байжээ. Түүний зөвлөх төлөгч эзэн хаандаа болгоомжтой байхыг зөвлөжээ. Богд гэгээн үнэндээ хятад генерал Сюй Шүжаны мэдэлд байсан бөгөөд аюултай тоглоомд оролцох нь аймшигтай байлаа. Ламын хэлснээр болжээ.

Даурын засгийн газрын цэрэг Монголд орсон боловч удалгүй Сюй Шүжанд бут цохигдов. Буриадын ноён Нээс гэгээнийг олзлон авч буудан алжээ. Богд гэгээн хожмыг мэджээ. Тэр буриад ноёны оронд буудуулж ч болох байжээ. Япон руу явсан Даурын төлөөлөгчдийг Токиод баривчлан авав. Тэдэнд ирээдүйн монгол улсын байгалийн баялгийн барьцаанд өгөхөөр амласан зээлийг олгох нь японуудыи хувьд одоо утга учиргүй зүйл болжээ. Японы түрэмгий бодлого балран уналаа.

Гэсэн ч хошууч Сүзүки өөрийгөө ялагдсан гэж үзсэнгүй, одоо Барон Унгерний орчим эргэлдэх болов. Энэ бол Сергей Николаевич барон Унгерний гэрт харсан нөгөө намхандуу нуруутай, өргөн магнайтай, дэлдгэр япон мөн байлаа.

Бароны цэрэгт Сүзүкийн хамт японы бас далан зөвлөх байв. Унгерн байлдан дагуулагч Чингис хаан эртний монгол улсыг байгуулсан тухай япон дуу дуулах болжээ. Монголоор явж байхдаа миний мэдсэн зүйлийн хамгийн чухал нь энэ бололтой.

Эрдэмт лам Сергей Николаевичид ам задарч, далд санаагаар ч байж магадгүй, Богд гэгээн барон Унгернтэй хэлэлцээ хийж байгааг ярьжээ. Богд гэгээн болгоомжлон, Сюй Шүжаныг бут цохиж, Да хүрээнд орж ирсэн үед л түүнийг дэмжихийг зөвшөөрчээ.

Цааш юу болохыг үзье. Би Хүрээнд удах боломж байсангүй. Дамба бид хоёр Дээд Үдэд буцлаа. Сүхбаатарыг дэмжсэн ардууд биднийг газарчлан, зөвхөн шөнөөр явцгаалаа. Сүхбаатарын цэрэг бүрэлдэж эхэлсэн боловч зэвсэг байсангүй.

Харин Сергей Николаевич одоохондоо Хүрээнд үлдэв.

Александр Никитич Микулиний хувийн архивт Монголын тухай тэмдэглэлийн хамт, нэлээд хожуу авсан бололтой захидал байв. Захидал гарын үсэггүй боловч түүнийг бичсэн хүн яах аргагүй Сергей Николаевич ажээ.


Top
   
PostPosted: Apr.11.16 2:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
:wd:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.11.16 7:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6264
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.11.16 8:49 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"Өршөөлт эзэн Александр Никитич!

Санамсаргүй жавшааныг ашиглан танд энэхүү захидлыг явууллаа.

Таныг хүрээнээс явснаас хойш энд чухал чухал үйл явдал болж өнгөрлөө. Намар барон Унгерн Да хүрээг довтлохоор шийдсэн хэдий ч түүний довтолгоог хятад цэргүүд няцаав. Барон Цэцэн ханы зүгт ухарч, хятадын цэргийн ангиудыг сандарган, генерал Сюй Шүжанд туслахаар Чуулалт хаалгаас яваа хөсөгт довтолсоор байв. Энэ байдал саяхан болтол, өөрөөр хэлбэл Унгерний дэргэдэх төвдийн хэдэн зуун морин цэрэг нэгдүгээр сарын эхээр Богд уулыг даван шөнө дундуур цөмрөн ортол үргэлжилсэн юм. Төвдийн морин цэрэг хятадын хамгаалалтыг цохин, Богд гэгээнийг ордноос нь Унгерний цэрэг дээр авчирснаар бароны нэр хүнд монголын феодалуудын дунд ер бишийн ихээр өслөө. Төвдийн морьт цэргийн дотор хошууч Сүзүкийг байсан гэлцэх юм.

Сарын дараа Унгерний цэрэг Да хүрээг эзэлсэн. Богд гэгээн ордондоо буцаж ирээд чөлөөлөгчөө элдвээр магтан өргөх болов. Хотод дур зоргоор аашлах явдал аймшигтай ихэслээ. Өдөр бүр дүүжлэх, буудан алах болов. Энэ явдлын эзэн нь таны таних комендант Сипайло болоод байна.

Барон Унгерний гавьяаг үнэлэн Богд гэгээний гаргасан лүндэнгийн орчуулгыг танд толилуулахаар явууллаа.

"Хамаг амьтныг тэтгэж, шашин төрийг тэргүүлэгч, нар мэт гэгээн тунгалаг, түмэн наст Эзэн хаан, эрдэнэт лам Жавзандамба хутагтаас лүндэн буулгах нь:

Гадаад Монголын Жавзандамба хутагт би хурмаст тэнгэрийн тааллаар, Монгол, Хятад, Орос гурван орны хэлэлцээрээр хаан ширээнд заларч, улс орон бие даан оршин тогтнож байлаа.

Гэтэл хятадын хувьсгалч түшмэд, цэрэг, дарга нарын зүгээс хүчирхийлэл, зохимжгүй үйлдэл явуулсны улмаас

манай орон элдэв шахалт хавчилгыг амсаж байтал гурван эрдэнэт лам нарын залбирлын ачаар алдарт цэргийн дарга нар ирж, хорон дайсныг даран мөхөөж, Да хүрээг ивгээлдээ багтаан авч урьдын засгийг сэргээн бадруулж, агуу хүндэтгэлийг хүлээсний учир өндөр шагналаар хөхүүлэн шагнасугай.

Орос генерал барон Унгернд үе залгамжилсан Дархан хошууны ноён, Чин вангийн зэрэг, ханы хэргэм шагнаж, ногоон өнгийн сүйх, улаан шар дээл, шар жолоо, гурван нүдэт тогосын өд хэрэглүүлэхээр тогтоож, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгов..."

Захидлын төгсгөлд "Да хүрээнд зандалчин хурандаа Сипайло өөрийн гараар Сергей Николаевичийг цавчин алсан" гэж доктор Микулиний хийсэн тэмдэглэл байв.

Түүнээс цааш Александр Никитичийн элдэв тэмдэглэлүүд байлаа.

- Дээд Үд. 1920 оны наймдугаар сарын 8 (шинэ тооллоор).

Бас л явах нь. Энэ удаа Приморье руу явна. Партизануудтай үлдмээр байна, гэвч яая гэх вэ дээ...

Дээд Үдэд Алс Дорнодыг нэгтгэх асуудлаар төлөөлөгчид ирлээ. Алс Дорнодын бүгд найрамдах улс байгуулах асуудлыг ярилцах ажээ. Японууд бас л "зөвшөөрч" байна. Хэрэв тэд илүү хүчтэй бол бид яах юм. Байгалаас Амар орчмын нутаг хүртэл завсрын улс байгуулна. Дипломат арга!

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай талаас хоёр коммунист, бас нам бус хоёр тариачин оржээ. Бусад нь хөрөнгөтнүүд. Төлөөлөгчдийн араас Алс Дорнодын бүгд найрамдах улсад гадаад улсыг төлөөлөн суух анхны төлөөлөгч, япон хурандаа Изомэ цэргийн зөвлөхүүдийнхээ хамт хүрэлцэн ирэв. Самурайн сэлмээрээ далайлгаад зогсохгүй, бүр манай нутаг дээр явж эхлэх нь шив дээ. За яахав тэгж л байг!

Японуудыг төмөр замын өртөөн дээр Япон, Алс Дорнодын бүгд найрамдах улсын төрийн далбаа, цэцэг хөнгөн хөгжимтэй угтлаа. Манай Алс Дорнодын бүгд найрамдах улс ишнийхээ тушаа буланд дөрвөлжин хөхтэй улаан өнгийн төрийн далбаатай ажээ.Энэ баярт явдлыг тохиолдуулан дээд зэргийн цайллага хийв. Гайхалтай юм! Приморьед байлдаж байгаа хир нь энд нэгэн ширээнд хамт сууж, инээлдэж, үг хэлж байлаа. Борис Шумяцкий өмнө нь "Бүгдээр инээх хэрэгтэй, чөтгөр ав! Хуруугаараа амаа татаж байгаад ч болов инээцгээ..." гэсэн билээ.

Хэн юу байгаагаа өмсөж, нөхөөсөө далдлан нууж, гутлаа цэвэрлэж ирэв. Гутлын тос хамгийн ховор барааны нэг байв. Шилбэний ороолттой хүмүүст л базаахгүй байлаа. Би Аглаятайгаар гэрлэхдээ сүүлчийн удаа өмссөн костюмаа энэ явдлыг тохиолдуулан өмсөж гоёлоо. Язгууртны хурлын хуучин танхимд орж, цагаан амураар хүрээлэгдсэн том толинд хараад өөрийгөө таньсангүй, зангиа зүүсэн энэ сэхээтэн чинь хэн билээ гэж бодлоо...

Миний Аглая сайн хүүхэн шүү! Надтай дахин уулзах гэж даурын партизаны жимээр долоон зуун мод газрыг унаатай, унаагүй туулсан юм. Бид гурван жил хамт партизанчилж билээ.

Цайллага сайхан боллоо. Хаанаас цуглуулсныг бүү мэд, үлээвэр найрал хөгжим хүртэл байлаа. Алс Дорнодын бүгд найрамдах улсын сүлдтэй урилга тараажээ. Бүгдээр картын дагуу байраа эзэлж, ширээний ард эрхэмсэг сууцгаана. Үг хэлж, хундага тулгах агаад япон хурандаа хүн бүгд рүү малилзан инээж, шүднийхээ завсраар эелдэгхнээр агаар сорон байв. Бид ч бас Борисын даалгавраар инээж суулаа. Их инээснээс хацар хөшив. Япон хурандаагийн сэтгэл хаигалуун үлдэх шиг бололтой.

Харин нэг төлөөлөгч хурандаа Изомэд хандан үг хэлэв. Энэ бол нэгтгэх төлөөлөгчдийн нэг, Владивостокоос ирсэн Руднев ноён. Дашрамд хэлэхэд тэр орос японы дайнд "Варяг" онгоцыг удирдаж явсан Рудневын садан төрөл бүлгээ. Руднев ноён босож, үг хэлэх зөвшөөрөл гуйв. Тэр япон хурандаагийн нүд рүү цоо ширтэх мэт харан эелдэг сайхан дуугаар ярьсан нь:

"Японы эзэн хааны цэргийн ноён хурандаа! Энд таныг шинэ Орос орны хүмүүс баяр хүргэж угтан авлаа. Хуучин, үеэ өнгөрөөсөн, гэвч бас байсаар байгаа Орос орны хэлтэрхий би, танд хэдэн аятай үг хэлэхийг зөвшөөрнө үү.

Та дөнгөж сая, төмөр замын өртөөн дээр олон хүн баяр хүргэн угтаж авсан тухай, мөн түүнчлэн таныг ирэх үед зузаан хар үүлний цаанаас наран гарч, Орос орон дахь таны өндөр албан тушаалыг гийгүүлсэнд билэгдэн сэтгэл хангалуун байгаагаа ярилаа.

Би, манай дэлхийг ганцхан наран гийгүүлж байхын төлөө, манай улсад ганцхан засгийн газар байхын төлөө хундага өргөе. Бидэнд, орос хүмүүст туслахаар ирсэн гэж та ярьсан. Таныг буцах үед үдэн гаргагч хүмүүс, өчигдөр таныг өртөөн дээр угтан авагчдаас улам ч олон, улам ч баяр баясгалантай байх болтугай, Таны буцалт, таны үүргээ гүйцэтгэсний тэмдэг болог.

Ноён хурандаа, таныг Япон руугаа шалавхан буцахын төлөө, таны аз жаргалын төлөө!".

Товчоор хэлбэл, Руднев япон хурандааг үүд мөргүүлэв. Хундагыг алга ташин угтан авцгаалаа. Япон хурандаа бас л алга ташиж байв. Тэр оросоор муу ойлгодог тул зогсоо зайгүй толгой дохиж, бас шүднийхээ завсраар агаар сорон байлаа".


Top
   
PostPosted: Apr.11.16 8:50 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"1920 оны есдүгээр сарын 5. Владивосток орох замд. Давхар бин цэргийн хэргээр зогсохгүй улс төрийн бодлогод ч байдаг. Владивосток орохоор хоёр долоо хоног явж байна. Би нэгтгэх төлөөлөгчдийг дагалдан яваа хүний дүрээр явна. Нэг үгээр хэлбэл, хиа юм биз дээ. Вагонд Ноегийн хөлөг онгоцон доторхи лугаа адил элдэв амьтад явна.

Төлөөлөгчдийн тэргүүн нь Петроградаас зугтсан үйлдвэрийн эзэн, тэдний дунд "үеэ өнгөрөөсөн Орос орны хэлтэрхий" өмгөөлөгч, либерал намын Руднев, тариачны давхаргын төлөөлөгчид, нэгэн меньшевик, бас большевик Кушнарев... байлаа. Хил давмагц, манай вагоны үйлчлэгчээр гүнгийн хатан явсан нь илрэв. Тэр нь төлөөлөгчдийн тэргүүний тусламжтайгаар Зөвлөлт Оросоос явжээ. Зэргэлдээ вагонд

Каппелийн цэргийн командлагч, генерал Лохвицкий хоёр хоног явлаа. Энэ хүн манай вагоноор ороод гарсан юм. Түүнийг Приморьегийн засгийн газарт хүчин зүтгэх саналтай яваа гэж Руднев үг алдсан юм. Удалгүй түүний вагоныг салгаж Харбины зүгт эргүүлэв. Тэр бололцоотой бол хэнд ч хамаагүй хөлслөгддөг ажээ.

Алс Дорнодын бүгд найрамдах улсын зохион байгуулах хурал манай вагон лугаа адил зүсэн бүрийн хүмүүсээр дүүрэх болно.

Замын дагуу танил газар тул цонхоор харахад тэмдэглэлийн дэвтрээ эргэн унших мэт болно. Нерчинск, Могоча, Никольск-Уссурийсхий, Хабаровск... Бид эндхийн ой хөвч, зам зөргөөр байлдаж, ухарч, урагшилж явсан... Гэтэл одоо вагонд суугаад, аялаг яриа дэлгэн, маргалдах ч үгүй, өөр зүйлд ярианы сэдвийг хандуулан явна. Бидэнд маргалдаж огт болохгүй, цагаантнууд японы дэмжлэгтэй учир илүү хүчтэй гэж Борис захисан. Бас дээр нь нэмж, амаа юугаар ч хамаагүй татаж, аль байдгаараа инээхийг... даалгасан юм.

Инээцгээнэм! Өртөөнүүд дээр сэлэм зүүсэн япон цагдаа нар зорчигчдын дундуур хөлхөж, журам сахиулах агаад тариачин эрчүүд, цэрэг, хүүхэдтэй эмэгтэйчүүд зайгүй дүүрэн вагон руу шахцалдан цагдаа нарыг үл анхааран тэмүүлнэ. Бидний суусан вагоны тушаа бас л японууд эргэлдэж, гадны нэг ч хүн оруулахгүй, Алс Дорнодын "нэгдсэн бат" улсыг байгуулахад нэмэр хандив оруулж байгааг харахад инээд хүрнэ.

Цонхоор харахад байгалийн байдал бичихийн аргагүй сайхан. Намрын тэнгэр цэнхэртэн, ой хөвч байгалиас бүтээсэн хурц, өвөрмөц өнгөөр улайран шаргалтаж, хөхөлбөр бор өнгө алтан шар өнгөтэй, ногоон өнгө, хурц улаан өнгөтэй хослон харагдана.

Читээс цаана нэгэн жижиг өртөөн дээр бүтэн өдөр саатав. Атаман Семенов төлөөлөгчдийг угтахаар галт тэрэг рүү ирэв. Тэр Читэд цохигдон зугтсанаас хойш цэргийн хамт энэ газар байрлажээ. Бид түүнийг бүр цааш хөөвөл хөөх байлаа. Тэгвэл Улаан цэрэг японы интервенттэй зайлшгүй тулгарах байв. Энэ нь бидний байдлыг хүндрүүлж, бидний эсрэг дайны ажиллагааг өргөн явуулах шалтгийг японуудад олгох байлаа. Нөхөр Ленинээс Өвөр Байгалд давшилтыг зогсоож, завсрын улс байгуулах заавар өгсөн юм.

Атамен Семенов бид хоёр нэг нутгийн улс боловч би анх удаа барааг нь харж байгаа минь энэ. Тагдгар биетэй, хар сахалтай, гучин тав, гучин долоо орчим настай ч таргалж эхэлж байгаа хасаг эр байв. Эгэл байрын царайнд нь монгол, бүр тодруулбал буриадтай төстэй шинж байх бүлгээ. Тэдний суурин монголын хил дээр байдаг бөгөөд эцэг нь цэргийн бага тушаалын дарга ажээ. Атаман Өвөр Байгалын хасгуудад хамаарах авч Оренбургийн хасгуудын шар халзтай өмд өмссөн байв.

Хэлэлцээ хоёр өдөр үргэлжлэв. Алс Дорнодын бүгд найрамдах улс байгуулагдсантай холбогдон, Өвөр Байгалын Приморьед хамааруулах санал гарав. Хүмүүсийн нүүр царайны байдлаар, өмгөөлөгч Руднев сэтгэл хангалуун гараа үрчиж байсан зэргээс үзвэл хэлэлцээ амжилттай болж өнгөрлөө гэж үзэж болно. Үнэхээр ч тийм болов. Анхандаа атаман арцалдан зөрсөн боловч түүний штабт томилогдон ирсэн японууд шийдвэрлэх үгийг хэлэв. Семенов Өвэр Байгалиас эрх мэдлээ авч, зөвхөн цэргийн атаманаар үлдэв.


Top
   
PostPosted: Apr.12.16 2:38 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6264
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.13.16 7:35 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"Владивосток. 1920 оны аравдугаар сарын 23. Бид Дээд Үдээс гараад хоёр сар боллоо. Алс Дорнодын бүгд найрамдах улсын нийслэл Чита болов. Бид Приморьед зохион байгуулах хурлын сонгуульд бэлтгэж байна. Эндхийнхэн Японд дөрлөгдөн явах хөрөнгөтний ардчилсан бүгд найрамдах улсыг байгуулна гэж итгэж байна. Ямар улс байгуулагдахыг харж л байя.

Одоохондоо би багшаар хөлслөгдөн ахлах ангиудад тооны хичээл зааж байна. Зорьж ирсэн үндсэн ажилд зав их гарах аятайхан ажил юм. Сургууль Светланы гудамжинд, японы эзэмшлийн цэргийн штабын бараг харалдаа байрлана.

Хотыг японууд захирч байна. Тэдний хуягт онгоц "Миказү марү" боомтод зогсож, эрэг дээр завсрын Алс Дорнодын бүгд найрамдах улсын нутаг даяар далан мянган япон цэрэг тархан байрласан нь англи, франц, америкийн интервентийн бүх цэргээс илүү юм. Энэ бол Орос улсын оролцоогүй хийсэн олон улсын нэгэн хэлэлцээрийн дагуу долоон мянгыг далан мянга болгосон хэрэг. Бүх асуудлыг биднийг төлөөлөн, бидэнгүйгээр шийдэж байна.

Удахгүй зохион байгуулах хурал болно. Приморьегоос ах дүү худалдаачин Меркулов, тамхины үйлдвэрийн эзэн Густов, хаант оросын генерал Вержбицкий нарын нэрийг дэвшүүлэв. Бид ч бас гараа хумхиж суусангүй.

Өөр үйл явдал сэтгэл түгшүүлнэ. Генерал Лохвицкий японуудтай тохиролцсон нь илэрхий. Гучин мянган цагаан цэрэг Хятадаас ирж, Владивостокийн ойролцоо хуарагнан суурьшлаа. Меркулов японы командлалаас тэдний агуулахуудад хадгалагдаж байгаа бүх орос зэвсгийг гуйсан сураг дуулдав. Меркуловын нэг нь Амар мөрөнд онгоцоор тариа тээвэрлэн Алс Дорнодод худалдаа хийж баяжсан шүдэнзний үйлдвэр, усан онгоцны компанийн эзэн хүн. Нөгөө нь газар тариалангийн яаманд ажиллаж байгаад Петербургээс ирсэн, одоо бэртэгчин сонин хэвлэж байгаа ажээ. Ах дүү хоёр ч хөл нийлсэн улс даа".


Top
   
PostPosted: Apr.13.16 7:36 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Он, сар, өдөр байсангүй. "Японууд амжилт олсонгүй ээ! Алс Дорнодын бүгд найрамдах улсын зохион байгуулах хурлын олонхи нь коммунистуудыг дэмжиж байна. Зөвлөлт Орост бүрэн хандлагатай байна! Ах дүү Меркулов, Вержбицкий мэтийн элдэв амьтад, мөн японууд... улаан галзуу уурлацгааж байна. Ардын хувьсгалт цэргийн ерөнхий командлагчаар Василий Блюхерийг томилов. Энэ ч цагаантнуудад хурц хутга даа.

Рудневтэй уулзав. Хамт ирснээс хойш түүнтэй танилцаж, уулздаг болсон юм. Борооны үүл шиг баргар царайтай явж байв. Миний асуултад гараа сэгсрэн, ууртай хэлсэн нь:

"Япончуудыг дөнгөж буцмагц Зөвлөлүүд Алс Дорнод даяар тархах болно..."

Би тэссэнгүй: "Үгүй ингэхэд, та чинь хурандаа Изомэг Япон руугаа шалавхан буцаасай гээд л хундага өргөж байсан шүү дээ" гэв.

"За яахав, харж байж болъё..." хэмээн Руднев ууртай хэлээд холдон явлаа.

Одоо болгоомжлох хэрэгтэй. Японууд хүнд байдлаас гарахыг оролдож байна".


Top
   
PostPosted: Apr.13.16 7:37 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"1921 оны зургадугаар сарын 6. Хот даяар хонх хангинаж, сүм хийдэд баяр наадам болж байна. Үүнийг ганц улаан өндөгний баяртай холбож үзэж болохгүй. Түрүүчийн хагас сайн өдөр цэргийн эргэлт гарав. Каппелийн цэргүүд японы заавраар санасандаа хүрлээ. Ах дүү Меркулов засгийн эрх авав. Засгийн газарт генерал Вержбицкий оров. Манайхан нууц байдалд орлоо. Одоохондоо би багшаа хийж байгаа боловч сурагчид намайг хялайн харах болов. Тэд бас эргэлтэд оролцсон юм.

Цагааны цэрэгт зэвсэг нийлүүлэх яриа үнэн болж, японы агуулахаас генерал Вержбицкийд зэвсэг олголоо. Японууд "манайд ч танайд ч" гэсэн зарчим баримталж, АДБНУ-ын засгийн газартай албан ёсны харилцаатай байж, ямар нэгэн хэлэлцээр байгуулахыг оролдохын зэрэгцээ цагаантныг нууцаар зэвсэглэж байлаа. Вашингтонд бага хурал үргэлжилж "Сибирийн асуудал" хэлэлцэж байсан болохоор тэд үүнээс өөрөөр халдаж чадахгүй байлаа. Америкийнхан манай Алс Дорнодод дан ганц японы ноёрхол тогтооход дургүй байв. Улс бүхэн өөртөө юм тасдаж авахыг хичээх ажээ. Энэ бүхнийг бид бодолцох хэрэгтэй. Байдал хүнд, тун хүнд байна".


Top
   
PostPosted: Apr.13.16 7:37 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"Дайрен. 1921 оны наймдугаар сар. Энэ бол гэрээ биш, харин тулган шаардах бичиг! Бага хурал дээр японуудын ичгүүр сонжуургүй авирласан явдал гайхал төрүүлж байна. Дайрены бага хурлыг далдаас удирдаж буй генерал Танакаас хамаг хэрэг гарч байгаа гэлцэнэ.

Манай төлөөлөгчид хэдий цөөн ч японууд шургуу эсэргүүцэлтэй тулгарлаа. Бидний хийвэл зохих зүйлээс юу үлдээд байна вэ? Анхны хуралдаан дээр японууд гэрээний төсөл танилцуулав. Бид эсэргүүцэж, эхлээд Алс Дорнодоос японы цэргийг гаргах асуудлыг шийдвэрлэе гэв. Ноён Мацүшима хариу хэлрүүн: "Бид явахаасаа өмнө, танай гэрт хэв журам сайн байхыг хүснэ... Та нар хэв журманд дургүй гэж үү?"

Владивостокийн район, солонгосын хилийн цайзыг дэлбэлж байгаа нь тэдний хэв журам гэнэ дээ. Алс Дорнодын бүгд найрамдах улс өөрийн хил дээр хэзээ ч цайз босгохгүй.

Бас болоогүй ээ! Номхон далайн сав газарт цэргийн флот байлгахгүй, одоо байгаа цэргийн хөлөг онгоцыг устгана. Бас л дэлбэлнэ гэнэ.
Алс Дорнодод японуудад нэлээд өргөн эрх олгоно. Эрх дарх нь багадаад байгаа гэнэ?! Амар, Сунгар мөрнөөр японы далбаатай хөлөг онгоц чөлөөтэй зорчих хугацаагүй эрх тэдэнд олгож, японы цэргийн төлөөлөгчид, мөн түүнчлэн үйлдвэрийи эзэд, загасчид, худалдаачид гэртээ байгаа мэт зөвшөөрөл, паспортгүйгээр Өвөр Байгал, Приморьегоор хэрэн явдаг болохыг шаардаж байна.

Гэрээний аравдугаар зүйл хэдийгээр хамгийн сүүлчийнх биш ч бүх зүйлийг тодорхойлсон нь "Алс Дорнодын бүгд найрамдах улс коммунизмыг үүрд оруулахгүй байж, японы харьяат болон өөрийн иргэдийн хувийн өмчийн зарчмыг хадгалах үүрэгтэй"...

Бид дахиад л инээх ёстой боллоо... Цаг нөхцөөж, боолчлогын гэрээг эсэргүүцэж байв. Дайрены бага хурал олон долоо хоног үргэлжилсний эцэст ноён Мацүшима хэлсэн нь:

"Ноёд оо, бидний хэн мааиь ч ар гэртээ өөрийн ажил үйлстэй улс, бид бүгдээрээ гэр орноо санаж байна... Хэрэв та нар хагас цагийн дараа гэрээнд гарын үсэг зурахгүй бол бид бага хурлыг таслах болно".

Хагас цагийн завсарлага зарлалаа. Бид зөвшөөрөхгүй гэж шийдэв. Японы төлөөлөгчдийн тэргүүн гудамд үгийн далимаар хэлсэн нь:

"Хэдийгээр миний нэр МА-ЦҮШИМА гэж дуудагддаг ч, эвээр дуусгая. Энэ үг та нарт юу ч хэлэхгүй байна уу?"

Тийм ээ, япон ноёны үг бидэнд их зүйлийг өгүүлсэн юм. Гэсэн ч бид Дайрены бага хурал дээр Мацүшимад зөвшөөрөхгүй гэж хэллээ.

Дайрены бага хурал тасарлаа".


Top
   
PostPosted: Apr.13.16 7:38 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"1921 оны арван хоёрдугаар сар. Яг л бодож байснаар японууд аюултай замаар явлаа. Меркуловын цэргийн давшилт Орос оронд хаант засгийг сэргээх уриан дор эхлэв.
Блюхерийн штабт шилжин ирлээ. Дайны явцын тухай мэдээ тун муу. Цагаантан арван хоёрдугаар сарын эхээр Иманыг эзэлж, арван хоёрдугаар сарын 23-нд Хабаровскийг авч, гурав хоногийн хугацаанд бас 20 километр урагшиллаа. Зөвхөн энд л Меркуловын давшилтыг зогсоож амжлаа. Одоохондоо цагаантан өргөн фронтоор биш, гагцхүү төмөр замын дагуу давшиж байгаад бидний цорын ганц давуу тал оршиж байна. Цагаантны ар талд партизаны хөдөлгөөн дахин өрнөлөө".


Top
   
PostPosted: Apr.13.16 7:39 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Энд, доктор Микулиний элдэв тэмдэглэлийн дунд Блюхерийн Москвад дамжуулсан мэдээний нэг хувь байлаа. Ардын хувьсгалт цэргийн командлагч мэдээлсэн нь:

«Чита. 1921 оны арван хоёрдугаар сарын 19. Меркуловын давшилт, Каппелийн цэргийг бүх талаар зэвсэглэж, бэлтгэл болон жинхэнэ давшилтын ажилд таатай нөхцөлийг бүрэлдүүлсэн японуудын дэмжлэг, оролцоотойгоор эхэлсэн нь эргэлзээгүй. Ийнхүү японууд Меркуловын талд огцом шилжсэн явдал Дайренд бидний амжилт олоогүйн үр мөн.

Манай чиг эвлэршгүй бөгөөд японуудын эдийн засгийн шинж чанартай, биднийг албадан бүулт хийлгэж, Приморьед байгаа өөрсдийн цэргийг Вашингтоны өмнө зөвтгөх зорилго бүхий шаардлагыг хангахаас бид татгалзсан. Иймээс тэд хэрэв Меркуловын давшилт амжилттай болж, газар нутаг тэлэх бол биднээс авах гээд чадаагүй эдийн засгийн давуу байдлыг олох болно.

Түүнээс гадна итгэж болохуйц мэдээ материалаас үзэхэд Франц улс Зөвлөлт орос улсад довтлох баазыг Приморьед байгуулахыг оролдож, үүний тулд оросын дүрвэн гарсан, одоо Парист байгаа улс төрийн томчуулаас бүрдсэн бүх оросын засгийн газрыг Приморьед эмхлэн байгуулах зөвшөөрлийг Японоос эрж байгаа ба энэ байгуулах засгийн газарт Врангелийнхнийг хаях ажээ.

Франц улс энэ асуудлыг Японы талтай бүрэн шийдвэрлэх хүртэл, одоохондоо Меркуловыг дэмжихээр шийдэж, Гонконгийн банкаар дамжуулан түүнд арван сая рублийн зээл олгосон байна. Үүнийг, барьж авсан радио мэдээ болон Дайрен японы төлөөлөгчдийн ярьсан битүү үг баталж байна.

Дээр дурдсан зүйлс нь болж буй даралтыг Японы тал, Владивосток дахь консулынхан дуугүй зөвшөөрч, бүрэн зэвсэглэснийг харуулж байна. Дайралтын нэн тэргүүний зорилго бол Өвөр Байгалд гарч, АДБНУ-ын оронд японы талын хар бамбай байгуулах явдал мөн нь гарцаагүй".


Top
   
PostPosted: Apr.13.16 10:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6264
Location: Энд
Хүчирхэг улсууд зүгээр л тоглочих юм даа. Яаж ийж бгаад ахиухныг тасдаад авах санаатай л.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.13.16 11:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6382
:cheerleader:

_________________
:f01:


Top
   
PostPosted: Apr.14.16 11:18 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 155
ленин туйлын ухаалаг хүн байсан АДБНУ гэсэн завсрын улс байгуулж япончуудтай шууд тулахгүйгээр аажмаар алс дорнодоо тэдний гараас буцааж нэгтгэсэн юм, япончууд арга буюу алс дорнодоос гарч 2-р дайны дараа 1904-5 оны орос японы дайнаар өөртөө нэгтгэсэн өмнөд сахалин байтугай өөрийнхээ эрэгт тулсан курилийн арлуудыг хүртэл оросуудад алдсан билээ


Top
   
PostPosted: Apr.15.16 8:39 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"Волочаевка. 1922 оны хоёрдугаар сар. Тэргүүний хэсгүүд дээр байлаа. Тулалдаан асар ширүүн болж байв. Хоёр хоног цасан дунд чулуужин хөлдсөн газар дээр хэвтэн тулалдлаа. Партизанчилсан бүх л хугацаанд ийм ширүүн тулалдаан ер үзээгүй. Энэ бүхэн хүний хүчнээс хэтэрсэн мэт санагдаж байлаа. Гэлээ ч цагаантныг нуга дарсан юм! Меркуловынхан японы хамгаалалтын дор ухарлаа".


Top
   
PostPosted: Apr.15.16 8:40 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"1922 оны наймдугаар сар. Владивостокоос итгэмжлэгдсэн хүн ирлээ. Тэр хүн цэргийн зөвлөлд илтгэж дараа нь хоёул үүр цайтал ярилцлаа.

Манай ялалт ойртож байна. Японууд аравдугаар сараас наана цэргээ татаж авна гэж мэдэгдэв. Амар орчмын засгийн газар оршин тогтнохоо болилоо. Сүүлчийн сайдаар хааны түшмэл генерал Дитерикс болсон юм. Өөрийгөө тэргүүн жанжин, цэргээ земийн цэрэг хэмээн яг л эртний Москвагийн Орос улсынх шиг өргөмжлөн нэрлэв. Битүү сахалтай герман Дитериксийг хаант Оросын сүүлчийн тэргүүн жанжин гэж ёжлон ярилцана. Түүнийг тоох хэн ч алга...

Өөрийгөө, үеэ өнгөрсөн, гэвч бас байсаар байгаа Орос орны төлөөлөгч хэмээн нэрлэж байсан нөгөө Руднев одоо алс хойт зүгт, хүн хүрэхгүй Камчаткийн бөглүүд хаант оросын худалдаа бэлтгэлийн суурин байгуулах санаа агуулан явах болов. Каппельчууд, семеновчууд, япончуудаар хамгаалуулсан дархалсан газар мэтийн юм байх гэнэ. Хаант засгийн үзэлтний тэр улсыг Романовын гэр бүлийн нэг хүн тэргүүлэх ёстой байв. Руднев оюутны дунд үг хэлж, Оросын их гүрний сүүлчийн газар нутгийг үе залгамжлан захирах хаан ирэх болсон баймаар юм гэж аянга, цахилгаан буулгаж, Романовынхныг хувьсгалаас хойш таван жил гаруй хилийн цаана, Парист тухлан сууж, большевикуудтай дайтах дайнд хуруу нэмэхгүй байна гэж, алчууран дээр талх давс барих мэт хааны титмийг өргөн бариулах гэлээ гэж зэмлэн буруушааж байлаа.

Руднев санаагаа цааш лавшруулан, большевикууд Приморьег эзэлдэг юмаа гэхэд Камчаткад, нөгөө Петропавловск хүрч чадахгүй гэв. Улаантны флотыг японууд эсвэл живүүлж, эсвэл хөөж аваачин онгоцгүй болгох тул зах хязгааргүй эл хуль хуурай газраар дамжин өвөл зуны аль ч улиралд тэнд хүрэхгүй ажээ.

Рудневийн төсөл цаашид өргөжив. Петропавловскийн хөлөг онгоцны засварын завод байгуулах ба тоног төхөөрөмжийг Владивостокоос уурын хөлөг онгоцоор аваачна. Эхлээд засварын ажил эрхэлж, жижиг онгоц хийнэ. Аугаа их нэгдүгээр Петр оросын флотыг хоосон байранд байгуулсан шүү дээ... Шинэ орос орны иргэд загас агнуур эрхэлж, үслэг ан агнаж, хөрш зэргэлдээ улсуудтай наймаа хийнэ. Аляск болон Хакодате боомт Петропавловскоос тийм ч хол бус.

Ирээдүйд байгуулах эзэнт Оросын хаант засгийн үзэлтний улсыг Руднев шинэ Китеж хот хэмээн нэрлэв. Энэ санаа хэдий дэмий гэдэг нь харагдаж байвч, цагаантны дүрвэгчдийн алс бөглүү улс байгуулахыг японууд дэмжив. Хулээн зөвшөөрөхөд ч бэлэн ажээ. Тэд Приморьед хэсэгхэн ч атугай саатахыг ороллоно. Китеж хот тэдэнд усан цэргийн бэлэн бааз болно. Хэрэг явдал одоохондоо, приморьегийн тэргүүн жанжин генерал Дитерикс хоёр төлөөлөгчийг гадагш явуулснаар шувтрав. Нэгийг нь Романовынхны гэр бүлээс хаан ширээнд залахаар Парис руу, нөгөөг нь хаант засгийн Китеж хотыг хүлээн зөвшөөрүүлэх, тусламж дэмжлэг гуйх ажлаар Япон руу явуулжээ.


Top
   
PostPosted: Apr.15.16 8:40 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
"1922 оны аравдугаар сарын 25. Өнөөдөр Уборевичийн цэрэг Владивостокт орлоо. Би хотод нэлээд хэдэн хоногийн өмнө ирсэн юм. Зөвлөлт Приморьегоос явж байгаа эзэнт хааны сүүлчийн цэргүүдийг японы сүүлийн онгоцонд гаргаж байх үес манайхны хэсгүүд боомтыг эзлэн авав. Интервентийн довтолгоон төгсөж, гадаадын сүүлчийн цэрэг манай орныг орхин явлаа. Иргэний дайн дууслаа. Боомтод олон хүн цугларав. Хэн ч баяр бахархлаа үл нууна. Энд тэндгүй туг далбаа. Зөвлөлт орны уудам нутгийн хаана нь ч япон ба хаант засгийн ганц ч далбаа үл үзэгдэнэ.

Руднев дахин санаанд орлоо. Тэр Меркуловын засгийн газарт зааварлагчаар ажиллаж байв. Ийнхүү цагаантнууд хаант засгийн Китеж хотоо Камчаткад байгуулж чадсангүй, бие биеэ уралцан, хэн нь удирдаж, хэн нь загасчлахаа тохирсонгүй... Японууд ч тэднээс холдов. Юун тэдэнтэй манатай. Дээд Үдэд японы хурандаа Изомэг хурдан буцахын төлөө өмгөөлөгчийн хундага өргөж байсан санаанд оров. Магадгүй, хурандаа Изомэ бас сүүлчийн онгоцоор явсан ч юм билүү. Түүний буцалт үнэхээр оргилсон их баяр хөөр авчирлаа. Харин Руднев алга болов. Хятад руу зугтсан бололтой. Түүхэнд юутай хурдан хувьсал болно вэ.

Би ч удахгүй явна. Анагаах ухааны эрдэм шинжилгээний ажилд намайг зөвшөөрсөн юм. Тахал судлалын станцад томилогдлоо. Бид газар нутгаасаа дайснаа үлдэн хөөлөө, одоо би ертөнцийг өвчин эмгэгээс, уй гашуу учруулагч бүхнээс аврахыг хүснэм. "Аврахыг хүснэм" гэх нь хэт биеэ өргөн сүржигнэсэн хэрэг болно. Харин хүмүүсийг аз жаргалтай байлгах их үйлст хувь нэмрээ оруулахыг хүснэм гэж хэлмээр байна. Бид үүний л төлөө өдий олон жил гараасаа винтов салгалгүй явлаа шүү дээ. Одоо дуран харааны оронд микроскоп харна! Бидний хувьд, амьдарна гэдэг бол аз жаргалын замыг тавина гэсэн үг".


Top
   
PostPosted: Apr.15.16 8:43 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
ЖАН ЗОЛИНГИЙН ҮХЭЛ

Хэрэв үйл явдал хүмүүс лугаа адил анкет бөглөдөг бол, хэрэв түүнийг сая төрсөн хүүхдийн адил бүртгэн авдаг бол бид хэзээ, хаана юу болсныг тодорхой мэдэж байхсан... Тэгвэл хүн төрөлхтний ой ухаан өнгөрсөн явдлыг хялбархан хадгалж, түүнээс дүгнэлт хийх, сургамж авах, эмгэнэлт явдал давтагдахаас сэргийлэхэд амархан байхсан билээ...

Дэлхийн нэгдүгээр дайн Сараевт Австрийн хан хүү эрц-герцог Фердинандийг гар буугаар буудан алснаас эхэлсэн... Нацистууд Глейвицийн радиостанцыг гүтгэн дайрснаар дэлхийн хоёрдугаар дайны эхлэлийг тавьсан... Хятадын эсрэг поны дайн уянгын сайхан Лугоуцяо гүүрэн дээр үүссэн бол Манжуурын хэрэг явдал Мүгдэнд хоёр төмөр замын зөрлөг дээр маршал Жан Золинг битүүлэг алснаар эхлэв...

Маршал Жан Золингийн үхэл удаан хугацааны турш гүн нууц хэвээр байсан боловч олон жилийн хойно энэ нууцад японы нэгэн өчүүхэн түшмэл, цэргийн бэлтгэлийн албан хаагч Тэйчи Иошимара нэвтрэн оржээ.

Тэйчи Иошимара. Жирийн л нэг тэр! Тэйчи дөчин долоо хүрсэн ч японы цэргийн бага даргаас ахисангүй. Ийм насандаа зарим цэргийн хүмүүс зэвсэгт хүчний командлагч, сайд болдог шүү дээ... Тэйчи бэлтгэлийн албанд агуулахын эрхлэгчээр ажиллаж, цэргийн яамны ажилтны бичгийн хэрэгслийг авах, олгох ажлыг эрхэлнэ. Тэйчи Иошимара нүдээ аниад тэмтэрсэн ч тамхины цааснаас эхлэн онцгой чухал үед хэрэглэдэг "хоосёг" хүртэл, бүх цаасны зэрэг дугаарыг тодорхойлж чадна. Нарийн бийрний чанарыг гарамгай мэдэх ба чулуун нянтайны хатуулгыг хараад тодорхойлдог, бичгийн машины системийг... мэддэг ажээ. Түүний цаасан дээр, түүний бийр, бэхээр шагналын тодорхойлолт, тушаал, илтгэлүүд бичигдэнэ. Гэвч Тэйчи он дараалан гарыг нь дамждаг цаасан дээр юу бичдэгийг мэддэггүй байлаа.

Тэйчи Иошимара өөрийн хараат бичгийн бараан дунд өөрийгөө эзэн хаан мэт санана. Гэхдээ өөрийгөө хотын төвд Хибич цэцэрлэгийн ойролцоо чулуун хэрэмний цаана орд шилтгээнд суудаг тэнгэрлэг Хирохитотой зүйрлэн бодож байсангүй. Тэнчи өөрөө эзэн хааныхаа үнэн сэтгэлт албат нь байлаа.Өдөр бүр ордны дэргэдүүр ажилдаа явахдаа хэдийгээр хэрэмний цаадах, моддын цаанах ордны дээврийг нь ч хараагүй мөртлөө малгайгаа аван ихэд хүндэтгэн мэхийнэ.

Бурхан өршөө, жижиг түшмэл Тэйчи өөрийгөө тэнгэрлэг эзэн хаантай адилтгаж байсан удаа ер үгүй. Ердөө л бүх насаараа үл мэдэх орны төрийн тэргүүний дүрд тоглож, хүн ард-эд юмсаа язгууртны цол хэргэмээр ангилан ялгадаг байв. Нэгэнд нь талтай, нөгөөд нь дурамжхан хандана. Жишээ нь өдрийн гэрлийг биедээ шингээсэн мэт, гялгар бус, нягт ширхэгтэй "хоосё" хэмээх дээд зэргийн цаасан дээр итгэмжлэх жуух бичиг, илгээлт, чухал баримт бичиг бичихэд зориулсан эртний уламжлалт бийр, хар бэхийг илүүд үзнэ. Эртний уламжлалт ийм эдийг хүйтэн, хуурай, чалчаа бичгийн машинтай зүйрлэж болох уу даа!.. Гэсэн ч Иошимара өөрийгөө бичгийн хэрэглэлийн агуулахын шударга эзэнд тооцож, өөрийн энэ хаанчлалыг "хоосёгийн эрин" гэж нэрлэдэг аж.
Тэйчи иймэрхүү тоглоомд сэтгэл сэргэдэг бөгөөд тэгдэггүйсэн бол газар дор, цэргийн яамны гүнзгий хонгилд амьдралын гучин жилээ тэсэж өнгөрөөхгүйсэн бнз ээ... Сэтгэл сэргээсэн бодол нь түүний амьдралд тус дэм болжээ. Тэр өглөө бүр огцом шатаар хаант улсдаа буун очиж, үдэш орой болсон хойно гэртээ харина. Энэ үед өвөл гадаа харанхуй болчихсон байдаг байв. Тэр өөрийн харьяат нарын адил ямар ч үйл явдалгүй амьдарна.

Гэтэл Иошимарын санаанд ороогүй байтал гэнэт намхан адарт агуулахыг нүүлгэж, урьд нь цэргийн яамны нууцын архив байсан байранд оруулав. Архивыг арай найдвартай байранд шилжүүлжээ. Бага дарга Иошимара харьяат нараа суурьшуулах шинэ эзэмшил нутгаа үзээд сэтгэлд нийцсэн тул тэр даруй энд нүүн ирэв. Өмнө нь өвөг дээдэстээ залбирдаг байсан тахилын ширээгээ хуучин байрнаас нь сүслэн авчирч, агуулахын хойморт байрлуулав. Тахилын ширээг орос японы дайны үеэс хадгалж байгаа гэлцэх бөгөөд үнэн эсэхийг Тэйчи үл мэднэ.

Тэйчи шинэ байранд орсноос хойш долоо найм хоногийн дараа тавиуруудын дундуур ганцаар явж байтал нэгэн үл таних хавтас анхаарлыг нь татжээ. Тэр архивыг зөөж гаргасан хүмүүсийн нэгэн адил энэ хавтсыг урд өмнө ажиглаагүй байжээ. Хавтас хана, банзан хаалт хоёрын дундаас цухуйж байв.

Тэйчи хавтсыг автал "Киокү мицү!" (маш нууц!) гэсэн бичгийг хараад балмагдан сандрав. Нүдний нь өмнүүр дүрс үсэг хөвөрнө. Тэйчи урьдчилан анхааруулсан бичээсийг дагаж хавтсыг хажуу тийш тавихын оронд нээж, уншиж эхлэв...Тэйчи амьдралынхаа турш яг энэ агшинд айсан шигээ ингэж айж байсангүй. Дүрс бичгийг нүүрэндээ ойртуулан гүйлгэн харснаа, хар хурдаараа гүйн гарч, яамны аль дайралдсан офицерт "Кио кү мицү!" гэсэн бичигтэй хавтсыг хонгилд мартсан байна гэж хэлмээр, үгүй ээ, бүр гал гарахад хашгирдаг шиг хашгирмаар санагдав. Энэ байна! Уншаагүй! Уншаагүй. Дөнгөж сая оллоо?..

Иошимара үүд рүү яаран хэд алхсанаа, бодлогошрон зогсов. Хавтастай зүйлийг үзээгүй, уншаагүй гэхэд хэн түүнд итгэх юм бэ. Энэ хонгилд шилжин ороод долоо найм хонож байхад шүү... Даруй мөрдөлт эхэлнэ. Кэнпэйтай тоглохгүй нь магад. Ажлаас нь халж, фронтод явуулах болно.

Энэ ч бас гайгүй. Хавтсанд нэр нь гарч байгаа Донхара, Томия, Кавамота... нар түүнийг алж л орхино. Тэд одоо амьд сэрүүн бөгөөд өөрсдийн нь нууцыг санамсаргүй мэдсэн бага дарга Тэйчи Иошимараг амьд үлдээхийг үл тэвчинэ...Больё, больё! Энэ ёрын хавтсыг Иошимара үзсэн гэдгийг хэн ч мэдэх ёсгүй. Тэгээд яах вэ?!

Ажил тарах дөхөж байв. Бага дарга хавтсыг шалан дээр овоолсон цаасан дор нуухаар шийдлээ. Дараа нь Будда бурхны өмнө очиж, энэ аймшигт хавтсыг яавал болох замыг зааж өгөхийг даатган мөргөлөө. Чулуун Буддагийн царай дүнсийн, огтхон ч хувирсангүй.




Top
   
PostPosted: Apr.15.16 5:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
Хөөх, орчуулж байгаа юм уу? Сайхаан.


Top
   
PostPosted: Apr.21.16 5:39 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Тэйчи гэртээ ирээд эхнэртээ юу ч хэлсэнгүй, энэ бол эм хүний ухаан хүрэх хэрэг биш. Ядарсан хэмээн орондоо орж хэвтлээ. Бие чинь зүгээр үү гэж эхнэр нь асуусанд Тэйчи унтсан дүр үзүүлэн хэвтэвч, шөнөжингөө хатуу сийрсэн дэвсгэр дээр хөрвөн нүд аньсангүй. Өглөө, бүтэн торх дарс уусан мэт эцэж цонхийсон амьтан босчээ.

Ажилдаа ирэхэд нь тусархаг залуу хөвгүүн туслагч нь Иошимарасан, та яагаав? гэж асуув. Тэр тийм муу царайтай харагдаж дээ... Тэйчи анхаарал тавьсанд нь талархал илэрхийлээд овоолоостой цаасны дэргэдүүр хяламхийн харж өнгөрвөл, бүх юмс байрандаа байсанд сэтгэл өчүүхэн төдий боловч амсхийв.

Өглөөгүүр хөвгүүнийг бараа авахуулахаар явуулж, агуулахдаа ганцаараа үлдэв. Бага дарга үүдээ түгжээд хавтсыг гарган ирэв. Үүнийг устгаж шатаах нь хамгаас сайн арга мөн ч, өдөр шөнөгүй цэргээр хамгаалуулсан цэргийн яамнаас яаж авч гарах вэ? Жижүүр цүнх болгоныг онгойлгож шалгана. Тейчи Иошимарагийн хүйтэн хөлс дахиад л дааварлалаа. Хэдий шаналан бодовч, гарах арга зам олдсонгүй. Албат нар нь амар жимэр өрөөстэй байгаа тавиур, ханыг нүдээр тэмтрэн харав. Алс буланд бүдэг гэгээ дөнгөж нэвтэрсэн том баганын цаана, зулын сүүмэлзэх гэрэлд, яг ийм боловч цоо шинэ, "Киокү мицү!" гэсэн бичиггүй олон хавтас байхыг харлаа. Авралын зам энд байна! Бага дарга сэтгэлдээ Будда бурханд баярлан залбирав. Тэнгэрлэг бурхан түүний мангуу тархийг гэрэлтүүлжээ! Бурхан юу гэж хэлнэ, Иошимара яг тэгэх болно. Хавтсыг чухамхүү энд нуувал бусад хавтсан дундаас үл ялгагдах болно.

Тэйчи Иошимара урьдчилан анхааруулсан дүрс бичлэгтэй саарал хавтсанд сар илүү гар хүрсэнгүй. Хавтасны тухай санах бүр дотор нь хүйт оргидог байснаа больсон хэдий ч сэтгэлийн мухарт шаналсан хэвээр. Хачин юм шүү, амиа хорлох гэсэн хүнийг ёроолгүй хадан хясаа хэрхэн татдаг шиг хурц улаан бичээстэй саарал хавтас Тэйчи Иошимараг өөртөө дагуулжээ. Тэйчи хагас дутуу уншсандаа сэтгэл үл ханан, бүх нууцыг мэдэхийг хүсэв. Хавтсыг нуусан газраас чичрэн гаргаж, гэрэлд ойртуулан уншиж эхэллээ...

Тэйчи эхний хэдэн хуудасны агуулгыг мэдэж байсан ба цааш харвал Хирохитогийн хувийн тамга дарсан эзэн хааны шийдвэр байв. Тэнгэрийн хүү, хурандаа Доихараг хятадын цэргийн албанд орохыг нигүүлсэн зөвшөөрчээ. Яагаад арван таван жилийн өмнө японы хурандаа хятадын талд алба хаахад их эзэн хааны зөвшөөрөл хэрэгтэй болсныг Иошимара огтхон ч ойлгосонгүй. Эзэн хааны тамга хараад балмагдан мансуурсан бага дарга сурсан зангаараа хүндэтгэлтэйеэ мэхийн тэнгэрийн хүүгийн тэмдгийг сүслэн ширтэв. Энэ үес шатан дээр хөлийн чимээ дуулдсан тул Тэйчи хавтсыг яаран хамхиж байранд нь шургууллаа.

Түүнээс хойш Тэйчи Иошимара бололцоо олдмогц хавтсыг гарган, нууцаас нууц баримт бичгийн танил болсон хуудсыг дахин дахин уншдаг болжээ. Цэргийн бэлтгэн нийлүүлэх албаны нэр алдаргүй жижиг дарга улс төрийн асар том нууцыг эзэгнэх боллоо. Бүх японууд орд харш, овоохой, пингээ гоёж чимдэг шинэ жилийн өмнөхөн Тэйчи хуучирч муудсан какемоно шинэчлэхээр шийджээ. Энэ бол эртний зураг зурж орон сууцны хананд өлгөдөг цаасан тууз юм. Тэйчи сэвсээ салхи шиг энхрий, хамгийн сайн бийрээ авч түүшинд нямбайлан дүрж, хэд хэдэн цаасан тууз хайчлан аваад ажилдаа орлоо. Дүрс бичгээр "Аз жаргал", "Урт нас", "Түвшин төлөв явдал" гэж бичлээ. Бийр сайхан зураас дуулгавартай гаргах агаад Тэйчи ч ажилдаа урамтай байтал "Киокү мицү!" гзж бас нэгэн какемоно бичмээр санагдав. Далд утгат дүрс үсэг доош цувран хөвөрлөө. Тэйчи шинэ какемоно сонирхон хараад хананд "урт нас", "аз жаргал" хоёрын дунд өлгөлөө, "Киокү мицү!"-гаас аль аль нь хамаарах байлаа... Гоёмсог бичээс бага даргын гэрийг чимэглэх болсон ч, "киокү мицү!" гэсэн бичгийн гол утгыг ганцхан өөрөө мэдэх бүлгээ.

Иошимара энэ хавтсыг олсноос хойш гурван жилийн дараа дахин ихэд айх болов. Энэ бол Хиросима, Нагасаки хотод америкийн атомын бөмбөг унаснаас хойшхи хэрэг. Эзэн хаан бууж өгөх тухай зарлаж, удалгүй цэргийн яаманд америк цэргүүд дайран оров. Тэд бүх давхрыг нэгжиж, газар доорхи давхарт орж ирэв. Тэдгээр ирсэн хүмүүс бяцхан бага даргад ямар ч гэсэн асар том биетэй харагджээ. Тэдэнтэй толгойгоо өлийн байж ярилцав. Япон хэлээр сайн ярьдаг нэг нь, энд цэргийн баримт бичиг бий эсэхийг асуув.

Иошимара зүрхшээн хэлрүүн:

- Бий... үгүй ээ байхгүй. Гэхдээ бий...

Бага дарга зулын гэрэлд баганын цаагуур алга болсноо, урьдчилан анхааруулж, улаан үсгээр бичсэн хавтас барьсаар буцаж ирэв. Нэгэн том биетэй америк цэрэг хавтсыг хармагц, өөр нэгэндээ шилжүүлэв. Тэр нь хавтсыг ямар ч үнэгүй эд мэт шуудайд хийчихлээ. Тариачид хүртэл хөдөө аж ахуйн барааны зах дээрээс хэдэн зоосоор авсан зүйлээ их л хүндэтгэлтэй сагсандаа хийдэг шүү дээ... Иошимара гомдов. Өдий олон жил сэтгэл түгшин хадгалж байсан аюулт нууц энэ цэрэгт ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Тэйчи хавтсыг өгсөндөө харамсах сэтгэл төрлөө. Юу ч өгсөн ялгахгүй энэ харь хүмүүст учрыг тайлбарлах гэж оролдов.

- Киокү мицү! гэж Иошимара сулхан хэлээд, шуудай руу заалаа.

- Окей, окей! хэмээн тэр цэрэг хэлээд шуудайг мөрөн дээрээ шидэж нөхдөдөө нэг юм хэлсэнд цөм инээлдэн гарч одлоо.

Маршал Жан Золингийн үхлийн нууц тэр өдрөөс эхлэн нууц байхаа больжээ...


Top
   
PostPosted: Apr.21.16 5:42 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Алагдсан маршалын бие хамгаалагч, хятадын хөлсний цэрэг Чан Фэнлин Мүгдэний хэрэг явдлын урьтал болсон нууц үйл явдлуудыг үл мэднэ. Цэрэг Чан болсон явдлын учир начрын тухай элдэв бодлоор тархиа зовоосонгүй, агуу их маршал ч бай, ядуу хоосон зөөвөрчин ч бай, хүч бүрд өөрийн хувь тавилан байдаг шүү дээ.

Чан тэр зун Вэй эзний намуу цэцгийн тариалангийн талбайд ажиллаж байв. Хойт манжуурын битүү ой, гүн бөглүү дов толгодын дунд энэ ашиг ихтэй ажлыг онцын зовлонгүй эрхэлж болох ажээ. Вэйгийн хувьд засаг захиргааны түшмэдийн ая талыг засаж чадсан тул айж зовох юмгүй, гялалзсан мөнгөн хахууль цагаан намуугийн талбайг бусдын хараанаас ямар ч дов толгодоос илүү найдвартай халхалдаг байв. Дараа нь намуугаас, Чаныг хөгшин эцэг нь айхтар чандаар цагдан хорьдог байсан мансууруулагч хар тамхи, героиныг бас л нууцаар гарган авна.

Намар ургац хурааж дуусаад, харамч Вэй зарц нарын тооцоог бодож ажлаас халав. Хөлс хэдий бага ч, Чан амьдралдаа ийм их мөнгө барьж ер үзээгүй ажээ. Тэр замын зардал, хоолны мөнгөө нарийн тооцоолон ойр үлдээж, бусдыг бүсэндээ хийж оёод, төмөр зам дайран өнгөрдөг зэргэлдээх хот орохоор алхлаа. Одоо Чан Шаньсидаа эргэн очиж эцэг эх болон хар нялхад нь сүй тавьсан жижигхэн Суныгаа үзнэ... Чаны сэтгэлийг зуны халуун өдөр чийг даасан цагаан будааны усархаг талбай эзэмдэв. Гэрт нь ганц ч му хувийн газаргүй, гэвч мөнгө байсан цагт тосгоны захад нуурын дэргэд суудаг тухаогоос түрээсэлж болно... Дараа нь жижигхэн Суныг эхнэрээ болгож, гэртээ авчирна...

Бүсэндээ мөнгөтэй байхад сайхан юм!

Чан өглөө ирлээ. Төмөр замын өртөөн дээр хүмүүсийн дунд түлхэлцэн явж, галт тэрэг маргаашаас нааш явахгүйг мэдлээ. Тэр орой болтол голын захад унтаад, одоо үл таних хотын давчхан гудамжаар хэсэв. Тоо томшгүй олон мухлагийн үүдэнд худалдаачны улаан үсэгт таних тэмдэг хадсан хар халаадтай эрхэмсэг худалдаачид шаазан аяганаас залхуутайяа цай оочиж. эсвэл гаансаар тамхи татан санаа амарлингуй сууцгаана. Гудамжинд дуу шуугиан үл тасарна... Энд ажил бүхэн өөрийн дуу хоолойтой ажээ.

Хүн-хөлгүүд гудамжны шуугианыг даран, тогосын огцом дуугаар хашгирна. Тэд хүмүүсийн дундуур тэрэгтэйгээ зүтгэн орж аралд бэхэлсэн дугуйны хонхыг зогсоо зайгүй жингэнүүлнэ. Гудамжны үсчид хайч ангалзуулж. хажуугаар өнгөрөгчдийг үсээ засуулаарай гэж дуудна. Харин лам нар эцэс төгсгөлгүй ном бувтнан уншиж анхаарал татна. Гудамжны нөгөө талаас тугалга зайлагчийн харангын дуу сонсдож, худалдаачид сав суулга, гэрийн хэрэглэл хангир жингэр хийлгэнэ. Хаа нэгэнтээ хонх жингэнүүлэн агшаасан цагаан будаа худалдан авахыг уриална. Түүний жигдхэн дуу шөнийн шувууны хашгирааг санагдуулна. Худалдаачин "Хоол ид! Хоол ид!" гэж хашгиран хүн бүрд хямд үнээр өгөхөө амлана.

Чан юм идмээр санагдсан ч энд хоол нь лав үнэтэй байгаа гэж хулсан дээвэртэй гуанзанд орж зүрхэлсэнгүй, гудамжны худалдаачнаас хооллохоор шийдэв. Жангаар даруулан таваг будаа идээд нааш явлаа.

Бүрэнхий боллоо. Гудамжинд өнгийн дэнлүү энд тэндгүй асаж, хүмүүсийн хөл татарлаа. Чан илбэчин, агаарын жүжигчдийг сониучирхан байтал ядарснаа мэдрэв. Одоо хаана хоноглох вэ? Гүүрний тэнд хамгийн тохиромжтой газарсан. Гэтэл энд эз нь татаж, өөрийгөө Шаньсийнх гэх боловч шал өөр аялгаар ярих гавшгай байрын туслах мужаантай танилцав. Нутгийн эр модоор элдэв дүрс зордог ажээ. Тэр төдхөн халааснаасаа нэгэн зормол бурхан гарган ирж, худалдана гэв. Зовхи нь унжиж, сугандаа том загас хавчуулсан, том гэдэстэй, сайхан сэтгэлт өвгөний дүртэй ургац үр шимийн бурхан Чаны сэтгэлд нийцжээ. Гадны хүнд мөнгөө үзүүлэхээс айж, бурхныг худалдан авахаа болив. Гэтэл мужаан эр бууж өгсөнгүй, мухлагт хоёр дахин үнэтэй байдаг юм шүү гэж шалав. Чан нутгийн хүндээ манжуурт ажиллаад буцаж яваагаа, маргааш гэр рүүгээ явахаа ярьжээ. Нутгийн нь хүн энэ яриаг сонсоогүй мэт өнгөрч, түүнийг хамт жаахан явъя, хямд үнэтэй хөгжөөх байшинд дагуулан аваачна, байшингийн ззэгтэйг таньдаг тул үнэрхээд байхгүй гэжээ. Дараа нь ажлын байранд хамт унтахаар болжээ. Ямар ч гэсэн гүүрэн дор хоносноос дээр...

Тэд нарийхан, шавартай гудамжаар явсаар хүн үймсэн талбайд ирэв. Талбайг өнгөрөн хотын захад гарлаа, Ээтэн булант дээвэртэй сүм хажууд бараантаи хоцорлоо. Хүйтэн тэнгэрт харагдах сүмийн дүрс хурц махир эвэртэй олон толгойт усны үхрийг санагдуулна. Гудамж улам ядуу даржин болсоор авай. Чаны газарч санаандаа орсон болгоныг чалчин, итгэл төгс урагшлан явна. Дахин голд тулан ирж, эрэг даган явахад усан дээрх сампанууд1 ганхан далбилзана. Сампаны хүмүүс унтаагүй, шөнийн сэрүүнд улайран цогших түмпэнтэй нүүрсний дэргэд сууцгааж байлаа.

Сампан - завь, сал зэрэгт байгуулсан оромж


Top
   
PostPosted: Apr.21.16 5:43 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Aug.02.10 8:07 pm
Posts: 254
Нэгэн далбийж хазайсан байшингийн дэргэд ирээд мужаан

- За хө, ирэх нь энэ дээ. Тийм ч холгүй байгаа биз? гэв.

Тэр хоёр намхан адартай том өрөөнд орлоо. Чан ханын дагуу намхан хашлагаар тусгаарласан олон хорготой ханз байхыг харав. Хорго бүрд даавуун дэвсгэр дээр залуу бүсгүйчүүл сууцгаах агаад ханзны мухарт туранхай, том толгойтой хүүхдүүд ундуй сундуй унтацгаана.

Шинэ гийчдийг нялуун үнэртэн нэвт ханхлуулсан зочирхог авгай тосон авч арай давчуу өрөө тасалгаанд оруулахад сийрсэн дэвсгэр дээр хагас нүцгэн хүмүүс тамхины утаанд умбан, архи ууж, хөзөр даалуу тоглон сууцгаана. Эзэгтэй сул суудал олж, сийрс дэвсэн, архи, хурц үнэр орсон хэрчим загас, чанасан хулс авчирч явган ширээн дээр өрлөө. Энэ бүхэн ямар үнэтэй бол гэхээс Чаны сэтгэл зовов. Бараг зүгээр шахуу хэмээн мужаан тайвшруулна. Эзэгтэй тэр хоёрт үйлчилж, инээмсэглэн бөхөлзсөөр байв. Чан энэ балиар үүрэнд амьдралдаа анх удаа өөрийг нь халамжлан анхаарал тавьж байгааг мэдрэв. Архинд толгой нь ч манарч эхлэв. Найз нь бүр ч илүү согтож, Чанд тонгойн чихэнд нь

- Ганц гаанс анхилуун утаа сорох уу? гэж шивнэв.

Мужаан хар тамхины тухай ярьжээ..

Чан татгалзав. "Анхилуун утаа" бол тэнэг хүмүүсийн хэрэглэдэг зүйл, түүнийг хийж бодио, харин өөрөө хэрэглэж болохгүй. Хар тамхи татвал өнгөрөх нь тэр гэсэн эцгийн захиас санаанд нь оржээ.

- Чи бүх Шаньсийнхний адил яасан харамч юм. Анхилуун утаа татахаас мөнгөө харамлаж байдаг.

- Чи өөрөө Шаньсийнх биш гэж үү? Чи лав Шаньдуных байх, толгойгүй яст мэлхий минь... хэмээн Чан хөмсөг зангидав. Шаньсид үнэхээр дан ганц харамч хүмүүс байдаг мэтээр, нутаг усаар нь дайран доромжилсныг Чан тэвчиж чадсангүй.

- Тэгвэл энд мөнгө олж болно. Тоглоё? гэж мужаан эвлэрэнгүй хэлээд, тоглож суугаа хүмүүсийн зүг дохив.

Нээрээ, азаа үзвэл яадаг юм. Эцэг хөзрийн талаар юу ч яриагүй...

Хэдэн илүү юмтай байхад хэзээд хэрэг болно...

Эхлээд даалуу тоглолоо. Чан ширээн дээр гөлгөр хар даалууг болгоомжтойхон хаяв. Эхний удаа аз дайрчээ. Чаны өмнөх ширээн дээр мөнгөн зоос овоорлоо. Эзэгтэй зочдыг архиар дайлж, идээ будаа зөөсөөр байв. Чан энэ удаа татгалзсангүй, төлж чадах юм чинь.

Удалгүй хөзрөнд шилжив. Толгой даагдахгүй болж, ухаан балартан азтай байгаа дээрээ тоглож, аль болохоор их мөнгө хожих гэсэн ганцхан бодол тархийг нь өрөмдөнө. Тавьц нэмэгдлээ. Чан хожигдож, дараа нь хожиж, бас дахин хожигдож, бүсэндээ хүрлээ. Зоосоо тэмтрэн, утсыг таслав. Тоглогчдын царай манан дунд байгаа юм шиг хөвнө. Ширээ томрон томорсоор гэнэт цагаан будааны талбай болон хувирлаа. Эх нь талбай дундуур шингэн лаг шаварт хөлөө шигтгэн инээмсэглэн явж, юм ярих боловч үг нь үл сонсдоно.

"Яагаад лаг шавраас архи үнэртэж байна?" гэсэн бодол Чаны толгойд зурсхийгээд, ёроолгүй харанхуй ангал руу нисэн уналаа.

Чан өглөө өмхий голын эрэг дээр сэрлээ. Шавар, чийг үнэртэнэ. Арай ядан босож, эргэн тойрныг гайхан харлаа. Толгой өвдөж, шөнөжин хулсаар ташуурдуулсан мэт бүх бие нь буларчээ. Эргүүлсэн халаас, бүсэнд нь сохор зоос ч үлдсэнгүй. Нэг нутгийн шалмаг мужаан ч алга. Магадгүй, тэр, ерөөсөө Шаньсийнх биш ч юм бил үү...

Чан өнгөрсөн шөнийн үүрийг эрэхээр явсан боловч юун олохтой мантай! Байшингууд хоорондоо төстэй, тэгээд бас эзэд нь дурамжхан угтаж, зарим нь занаж, зарим нь ил цагаан инээж, нөгөө нэг нь цагдаа дуудна гэж сүрдүүлжээ.

Нар дээр хөөрчээ. Галт тэрэг аль хэдийн явсан нь мэдээж. Яваагүй байлаа гэхэд ялгаа алга, юугаар билет авах вэ дээ. Бүтэмжгүй явдалдаа өөрийгөө зүхэн, халаасандаа сохор зоосгүй хотоор гэлдэрч явлаа. Одоо аяга цагаан будаа ч авах тэнхэлгүй болжээ.

Гудамжаар гиюүрэн алхаж явтал анхаарлыг нь хачин явдал татжээ. Өмнөөс нь хоёр цэрэг хүмүүсийг хоёр тийш нь түлхэн зам тавиулан гүйж явав. Араас нь нэгэн цэргийн хүн, хүн-хөлөг хөлөглөн, өвдөгтөө хавчуулсан бөмбөрийг тэнхээ мэдэн балбаж явлаа. Тэр хүнийг бөмбөрдөхөө болимогц хүн-хөлөг, нөгөөх хоёр цэрэг цөм зогсов. Тэр алмайран гайхсан олонд нэг юм өндөр дуугаар хэлэв.

Тэдэнд ойртон очтол цэргийн хүн аугаа их маршал Жан Золингийн алдар сууг тэнгэр тултал магтаад, цугларсан олныг цэрэгт орохыг уриалах нь сонсдов. Жан Золингийн цэрэгт орвол гэдэс цатгалан, санаа амар амьдрах болно гэж тэр хүн амлаж байв.

Хүн-хөлгийн араас сайн дурынхан дагалдсан нь өсвөр насны чөргөр жаалуудаас өвгөд хөгшид хүртэл янз бүрийн насны хэдэн арван хүн байлаа. Хүн-хөлөгт цэргийн хүнийг өөгшүүлэн даган гүйлдсэн сониуч хүмүүс залгин авав.

Чан хүн-хөлөгт зүтгэлэн дөхөж, даган гүйв.

Чан хэд хоногийн дараа цэрэг хувцас хүлээн авч улмаар хэдэн сарын дараа нөгөө маршал Жан Золинг хамгаалдаг багт оржээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited