#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 12:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Aug.02.17 6:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ИРИНАГИЙН ТЭМДЭГЛЭЛ

"Би ихэд гутарч, уйлмаар санагдана... Хамаг юм сайн сайхан байтал, ийм юм боллоо. Ээж бид хоёр Москва руу явах гэж байв. Ээж аавыг алагдсанаас хойш дордсон юм. Гэвч одоо арай дээр мэт, профессорын хэлэх нь аюулгүй болсон ажээ. Явахаар зэхэж байтал, гэнэт гашуудлын хүрээтэй сонин гарлаа. Фрунзе нас баржээ. Ээж төмөр замын буудал руу очиж билетээ худалдлаа.
Аавыг Фрунзетэй уулзаж байсан гэж ээж ярьдаг юм. Би түүнийг танихгүй боловч хоёр жилийн өмнө аавыг нас барахад гашуудсаны адил харамсаж байв. Фрунзе бямба гаригт нас барж, бид маргааш нь Холбооны ордны өмнө талбайд очив. Аль хэдийн харанхуй болсон ч оочирлон зогссон хүмүүсийн цуваа алсад үргэлжилжээ. Дуу шуугүй зогсох хүмүүсийн дээрээс нойтон цас малгайлан орно. Хүмүүс алгуурхан урагшилна.
Холбооны ордонд салах ёслол үйлдэж байлаа. Толины өмнүүр хар торгон хөшиг унжуулж, чийдэнгийн бүрхүүлийг хар хивээр бүржээ. Хаана дуугарч байгааг бүү мэд, хөнгөн хөгжим гашуудлын марш тоглож байв. Энэ гунигт аялгуунд зүрх шимшрэв. Бид Баганат танхимд орлоо. Михаил Васильевич цэцэг, цэцгийн хэлхээн дунд хэвтэж байлаа. Хайрт нөхөр Фрунзе! Тэр минутад сэтгэл хэрхэн хямарсныг би үгээр илэрхийлж үл чадна. Яагаад тэр үхэв? Яагаад юу ч хийж болохгүй байна? Би дотроо энэ өдрөөс эхлэн нөхөр Фрунзийг бага ч болтугай дуурайж, ийм сууг хүмүүсийн амь насаа зориулсан үйл хэргийг хурдан дуусгахыг хичээх болно гэж Баганат танхим дотор тангараглав.
Бид ийм хүмүүсийн дэргэд хэчнээн өчүүхэн, өөдгүй амьтад вэ! Гэлээ ч миний амьдралд нөхөр Фрунзе үлгэр дууриал болох ёстой гэж андгайлъя".
"Би тууж бичихээр шийдэв. Хэд хэдэн бүлэгтэй жинхэнэ тууж бичнэ. Одоогоор нэр өгөөгүй байна. Охид намайг тууж бичиж чадахгүй гэлцэнэ. Гэвч би бичихдээ л бичнэ. Эхлээд ноороглож, дараа нь хуулж, засаж, нэмэлт өөрчлөлт оруулав. Бас дахин хуулж бичсээр бүтэн жил засварлаж байна. Бараг хүнд үзүүлээгүй.
Зохиолчид хэрхэн тууж бичиж, хэрхэн бодлоо илэрхийлж, үйл явдлыг зурагладаг нь сонирхолтой. Тэдэнд амархан биз дээ. Мария Филипповна (уран зохиолын багш) амьдрал мэдэх хэрэгтэй гэнэ, Гэтэл би дөнгөж арван зургаан настай. Би зохиолын баатруудтайгаа хамт амьдарч, сэтгэж, баярлаж, гомдож чаддаг байх хэрэгтэйг мэдэвч, одоогоор нэг л болж өгөхгүй байна. Би хайр дурлал, манай хүмүүсийн амьдралын тухай олон ном уншсан боловч өөрөө юу ч үзэж мэдээгүйд л хамаг учир байх шиг бололтой. Шүлэг бичвэл дээр байж магадгүй ч тууж бичмээр санагдаад байх юм. Зан чанарыг мэдэхгүй учраас хамаг юмыг санаанаас зохиох хэрэгтэй болно.
Нэг жаалтай найзлав. Тэр надад аятай санагдана. Соняд сэтгэлгүй болсон анхны дурлалаа надад ярьсан юм. Тэр Сонягийн гэрийн дэргэдүүр гарахдаа амьсгаа даран өнгөрдөг ажээ. Гэтэл Соня юу ч үл мэднэ. Ийм байдаг байна шүү! Соня сүмийн ойролцоо сууж клирос дээр дуулдаг байсанд Володька сүмд очдог болов. Соняг харах гэж л тэр шүү дээ. Эргэн тойрон лаа асаж, нүдэнд нь гэрэл ойж нүүр нь сүүдэртэн байх үед Соня тун сайхан харагддаг гэж Володька ярив. Гэтэл миний нүдэнд Соня тийм их сайхан харагддаггүй юм. Дурласан хүний нүдэнд бусдын хараагүй зүйл харагддаг бололтой. Тэр хоёрын харилцаа юу болох нь сонирхолтой. Тэр сүмд очоод зогсохгүй, бүтэн сайн өдөр бүр гонхонд авирч гардгаа саяхан надад аминчлан ярив. Хонхноос дээш, тагтааны үүрний орчимд авирч гардаг ажээ. Сонягийн төлөө загалмай дээр ч гарахаас буцахгүй гэж тэр ярина. Сонягийн суудаг хашаа, байшинг дээрээс харах гэж л тэгдэг байж. Хонхны дээр тагтаа лугаа адил сууж, дугуй цонхоор түүнийгээ харагдах хүртэл хүлээнэ. Тэгээд долоо хоногийн турш аз жаргалтай явна. Володька тэнэглэж байгаа юм. Нэг л өдөр ойчиж хэмхэрвэл яана гэж би хэлсэн... Гэлээ ч би Соняд бага зэрэг атаархнам. Хэдийгээр өөрөө мэдэхгүй ч, хэн нэгэн хүнд хайрлагдана гэдэг сайхан хэрэг"

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.02.17 6:18 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
"Володька Жигалин сургууль даяар зард гарав. Ийм явдал болсон юм. Нийгэм судлалын хичээл орж байв. Маруся бид хоёр хоёр дахь ширээн Володька Ерохин хоёр бидний арын ширээнд сууж байв. Тэр хоёрын нэг нь "чи огтлох зүрхгүй" гэж дуулдав. Нөгөө нь "Үгүй ээ, огтолно..." гэв. Тэд Марусягийн гэзгийг ярьж байгаа нь илэрхий болов. Маруся тахимаа шүргэх шахсан урт, бүдүүн гэзэгтэй байлаа. Энэ үеэр хонх дуугарав. "Маруся, гэзэг чинь юу болсныг хар..." гэж Михалёв хэлэв. Үнэхээр Юрка Ерохины нэг гарт тонгорог, нөгөө гарт гэзэгний тайрсан үзүүр харагдав. Хэдийгээр жаахан тайрсан ч, харамсалтай байлгүй яах вэ. Маруся уйлан ангиас гуйж гарав. Шуугиан дэгдлээ. Манай комсомолын үүрийн нарийн бичгийн дарга Гриша Веселов "Хүүхдүүд ээ, нийгэм судлалын хичээл дээр ингэх муу байна даа..." гэхэд нь "Тооны хичээл дээр болох хэрэг үү?" гэж хариултал, Володька: "Та нар юунд Ерохин руу давшлаад байна! Огтол гээд байхаар огтолчих нь билээ" гэтэл цөм Володька руу дайрч: "Худагт ор гэж чамд хэлбэл чи орох уу?" гэхэд "Орно!", "За тэгвэл ороод орхи" гэсэнд "Ороход яадаг юм..." гэлээ.
Володька үүнийг уурандаа хэлчихсэн боловч одоо яах ч арга байсангүй. Цөм ангиараа гүйлдэн гарч, манаачаас олс авч худагт хийв. Бас өөр хүүхдүүд ирсээр, бүх л сургуулиараа цугларав. Маруся бас гарч ирээд, гараа цээжиндээ нааж "Хэрэггүй, хэрэггүй" гэж шивэгнэн байв. Володька Жигалин худгийн хашлага даван орж, доошлон бууж эхлэв.
Нэлээд удсаны эцэст цөм хашгиралдан, олсны үзүүрээс татаж эхэллээ. Володька нойтон толгойтой гарч ирэв. Тэр нотолгоо болгож гараараа ус утгаж, толгойгоо норгожээ. Марусягийн гэзгийг цөм мартаж, Володькаг шагшин магтах болов...
Бид хоёр зам нийлэх тул гэрийн зүг хамт явлаа. "Ирка, чи юу ч ойлгохгүй байна. Ерохин өөртөө анхаарал татах гэж гэзэг огтолсон юм. Тэр Марусяд талтай байдаг юм" гэж тэр хэлэв.
Түүний Соня талаар болж, зэргэлдээ сургуулийн нэг залуутай зугаалан явах болов. Володька "Тийм бол чөтгөр аваг!" гээд гутарч гунихыг үл мэдэн бардам байв

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.02.17 6:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
"Тууж бичихээ болив. Үнэндээ, Володька редактор байсан бол миний туужийг хэдийн хэвлэчих байсан гэж ярих боловч, би хэвлүүлэх талаар бодохгүй байна. Хэвлүүлэхэд гол нь биш. Хэдийгээр зохиол бичихэд онцын урамтай сайхан байдаг ч гэсэн сэтгэлийн угаас тууж бичих чадвар надад байсангүй. Бүх үнэнийг бичмээр байвч саяхан Володькатай муудалцсанаас болж, бичихээ болив. Гэхдээ үргэлжлүүлэн бичиж ч магадгүй.
Нөхөрлөл хэмээн бодож явсан юм минь сонин сайхан санагдах болов. Володя үнэнч шударга, зоригтой, сайн залуу. Бид хоёр дахиад уулзалдахгүй. Шалгалтын өмнөхөн бид хоёр хамтран хичээл давтаж, эцэж ядраад цэцэрлэгт хүрээлэнд очиж зугаалдаг байв. Сандал дээр сууцгааж, тэр маань Сонягийн тухай, бас сэтгэл юутай хувирамтгай байдаг тухай ярьдаг байлаа. Гэтэл одоо энэ талаар дурсах ч үгүй шүү. Нэгэн удаа намайг мөрнөөс барин авч үнсэв. Үүнийг бичихээс ч ичмээр. Би мултран зугтав. Гэрийн ойр ирэхэд түүний хөлийн чимээ ард гарав. Би эргэж харсангүй. Тэр ч гүйцэж ирсэнгүй. Сургууль дээр бид ярилцдагаа болив. Хэрэв туужаа цааш бичвэл, болсон бүгдийг бичнэ.
Сургуулиа төгслөө. Төгсөлтийн үдэшлэг болж, үүр цайтал байцгаав. Сайхан ч, гунигтай ч байлаа. Алагдсан коммуны гишүүний хөшөөний дэргэд яг энэ өдөр таван жил тутам цугларч байхаар тохирцгоов. Хөшөө голын эрэгт, цэцэрлэгт хүрээлэн дотор байдаг юм.
Одоо цаашид юу хийхээ бодох хэрэгтэй. Ээж намайг арван долоо хүрэхэд аавын тэмдэглэлийн дэвтрийг надад өгч уншуулав. Би аавыгаа бараг санахгүй байна. Гагцхүү нас барсныг нь мэдсэн өдөр санаанд минь сайн хоногшжээ. Хагас жилийн хойно мэдсэн юм. Аав минь юутай гайхалтай хүн байгаа вэ! Би Паша ахад бас хайртай ч нэг л өөр. Би түүнийг ааваа гэж дуудсангүй. Ээж аавыг нас барснаас таван жилийн дараа түүнтэй суусан юм. Одоо би хойт эцгээр овоглож, тэр ч надад хайртай, би ч түүнд хайртай байдаг. Тэр аавын минь анд нөхөр, аавтай хамт партизанчилж явсан, аавыг үргэлж дурсаж байдагт нь би түүнд улам ч хайртай байдаг юм. Эд нар юутай сүрхий улс вэ! Эдний тухай бичих хэрэгтэй.
Ээж аавын талаар олон зүйлийг ярьжээ. Аавын нас барсныг ярихад нь би дандаа уйлдагсан.
Аавын тэмдэглэлийг уншаад цөмийг мэдлээ. Ээж надад аавын тэмдэглэлийг ганц шөнийн хугацаатай өгсөнд, би өглөө болтол уншив. Маргааш нь ээж буцааж аваад, сонинд ороож, туузаар боогоод, хамаг нандин юмаа хийдэг шүүгээндээ хийгээд, "Ирушка, одоо чи том болсон тул дуртай цагтаа аавынхаа тэмдэглэлийг авч болно" гэж хэлэв.
Би шалгалтын дараа тэмдэглэлийг дахин уншиж, аав шигээ бичил биологич болохоор шийдлээ. Би бас тахал, хижиг, хүн төрөлхтөнд аюул занал учруулагч бүх өвчинтэй тэмцэх болно. Эмч хүний охин чинь тэгэлгүй яах вэ".
"Манай талбарт гурван хаалга, гурван байр оршино.
Хаалга бүрийн цаана өөрийн амьдрал, өөрийн хувь тавилантай. Манайх гал зуухтай хоёр өрөөнд тусдаа суудаг юм. Хойт эцэгт албан тушаал, алдар гавьяагий нь харгалзан мужийн гүйцэтгэх хорооноос өгсөн байр. Бид Октябрийн баяраар нүүж оров. Надад нэг л эвгүй, манайх бусдаас юугаараа илүү юм бэ. Хажуу талын гурван өрөөнд гурван айл, өөдөөс харсан хаалганд хоёр айл сууна. Нэг өрөөнд нь профессор эхнэр, охиныхоо хамт, нөгөө өрөөнд нь Ерохин авга эгчийнхээ хамт суудаг. Иргэний дайны үед эцэг эхгүй болсон амьтан. Комсомолын хороонд зааварлагч хийдэг айхавтар ихэмсэг залуу. Би хоёрдугаар ангийн оюутан. Бас л ихэмсэг зан гаргах агаад өглөөнөөс үдэш болтол хичээлд алга болно. Өөрөө ч мэдэлгүй, хичээл номын амтанд шимтэн оржээ. Бичил биологи бол ирээдүйн шинжлэх ухаан. Би өвчин үүсгэгч нян судлалаар мэргэжихээр хатуу шийджээ. Өмнө минь үл үзэгдэх шинэ ертөнц нээгдэнэ. Би анхны хичээл дээр профессорын (одоо манай хажууд сууж байгаа) хэлсэн үгэнд ихэд гайхаж билээ. Бидний хөл доорх газар шорооны нэг шоо сантиметр тутамд хэдэн тэрбум нян байдаг ажээ! Аль нэг төрлийн нян амьдарч үржих таатай нөхцөлөөр хангагдвал, арваадхан хоногийн дотор манай дэлхийн бөмбөрцгийн эзэлхүүнтэй тэнцэхүйц хэмжээний олон болох ажээ... Гэхдээ бид тэдгээр нянгийн талаар юу ч үл мэднэ. Тэдгээр нян хүн лугаа адил сайн муу гэж байна. Тэдний дотор бидний нөхөр ч бий, дайсан ч бий. Би тарваган тахал, булчин задрах тахал, боом зэрэг дайсныг судлан шинжлэгч болно. Ий, аймаар шүү. Би одоо боомын нян хэдэн арван жилээр, тарваган тахлын нян түүнээс ч олон жилээр амьдрах чадвараа хадгалдгийг мэднэ. Би дэлхий даяар халдварт өвчнийг устгах үйлсэд амьдралаа зориулна.
Биднийг хоёрдугаар анги төгсгөөд, монголд дадлагаар явуулна гэж байна. Гоё оо!
Володька цэрэгт явж, нэг газар цэргийн сургуульд суралцаж байгаа гэнэ. Ер нь манай хүүхдүүд ийш тийш тарж гүйцжээ. Юрка Ерохинтой л дайралдах юм. Тэр заримдаа манайхаар орж ирнэ. Ээж бид хоёрын хэнтэй уулзахаар ирдгийг бүү мэд. Ээж тэр хоёр их сайн байдаг юм. Би нөгөө туужаа гүйцээгээгүй..."

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 1:51 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
"Монголд ирлээ. Малын тахал судлах шинжилгээний ажилд оролцож байна.
Манай анги цөөн хүнтэй, эвсэг, жижиг анги. Зүүн өмнө хязгаарт хятадын хилд ойр, тухайлбал манжуурын ойролцоо ажиллаж байна. Материалын урьдчилан боловсруулалтыг Улаанбаатарт хийж, нутагтаа очоод гүйцээнэ.
Намайг тахал судлаач Яворскийг дагалдуулав. Тэр "Пастеурелла пестисийн тархалтад мэрэгчдийн роль" гэсэн нэмэлт сэдэв авав. Энэ бол гоё сайхан нэртэй аймшигт тахал.
Бид өдөржингөө гадаа ажиллаж байна. Би лав арваад удаа наранд түлэгдэж, арьс сэвсийн хуурав. Мэрэгчдийг барин авч, дундаас нь бүүргэнэ түүж, дахин тоолно. Биднийг бүүргэнэ баригчид хэмээн нэрлэнэ. Бүүргэнэ барихад шалмаг хөдөлгөөн хэрэгтэйг тухай бүр заавал сануулна. Ийн сануулга авах явдал ээлжлэн үргэлжилнэ. Дахин сануулга авч, болхи бойд ажилласан хүнийг торгоно гэж Яворский хэлсэн боловч, одоогоор нэмэр болохгүй байна,
Явахынхаа өмнө аавын тэмдэглэлийг дахин уншсан юм. Ээж надад урьд нь дутуу өгдөг байжээ. Аав Монголд тун чухал ажил хийж байжээ. Түүний шинжилгээний ангийн мөрөөр явахсан гэж туйлаас их бодогдоно. Би аавын бичсэн амьд бурхан Богд гэгээний тухай саяхан мэдэв. Тэр арваад жилийн өмнө өвгөрч өтлөөд, сохорч, яр шарханд баригдан нас эцэслэжээ. Амьд бурхны бэлбэсэн хатан одоо амьд сэрүүн агаад, би түүнийг харсан! Тэр хөдөө аймагт, биднээс нэг их холгүй газар суудаг ажээ. Эхнэр хүний өмсгөлтэй, жирийн нэг эмэгтэй байв. Хиртэй дээлийг нь харахад ой гутмаар. Тэр хонь хариулж, аргал түүнэ. Хорьдугаар зууны бурхан гэдэг энэ ажээ!
Монгол улсад хувилгаан шинээр тодрохыг хоригложээ. Засгийн газрын тийм шийдвэр бий. Энэ талаар намын их хурал дээр тусгайлан хэлэлцжээ. Богд гэгээний сүнс найман удаа тодорсон байтал, ес дэхийг нь хоригложээ... Юутай инээдэмтэй сонсдоно вэ. Эхлээд Төвдийн далай ламаас асууж лавлахаар шийдвэрлэсэн ажээ. Би тэр шийдвэрийг хуулж авсан юм:
Жавзандамба хутагт нар бол манай монголын шашин төрд онц гавьяа байгуулсаар наймдугаар дүрд хүрч ирээд тус монгол улсыг хятадын дарлагдлаас ангижран улс болох тулгуур тавин хүмүүжүүлж тэтгэсний эцэст орчлонгийн мөнх бусыг үзүүлж таалал төгссөн нь мөн наймдугаар дүрийн үеэс хойш дахиж хувилж төрөхгүй, дараа шамбалын орноо Ханаманд гэдэг их жанжин болж төрнө гэсэн түүх буй учир Жавзандамба хутагтын дараагийн есдүгээр төрлийг залах явдалгүй боловч манай бэртэгчин олон шавь нар махан нүд, мунхаг оюунаар магадлан шийтгэж үл чадахын тул Далай ламд айлтгаж лавлах явдлыг шинэ сонгогдох Төв Хорооноо даалгав".
Үүнийг бидэнд, Монголын Судар бичгийн хүрээлэнгийн дарга Жамсран ярьсан юм. Ухаалаг, сэхээтэн энэ хүнийг гаднаас нь хараад малчин ардаас ялгах аргагүй. Тэр дээл, гуталтай явна. Бид хөдөө явахаасаа өмнө Улаанбаатарт судар бичгийн хүрээлэнд хэд хоног байрласан юм.
- Далай ламаас асуухгүй байж болоогүй юм уу гэж намайг санаандгүй асуухад, Жамсран над руу өршөөнгүй хараад (эмэгтэй хүүхэд ийм юмыг яаж ойлгох вэ дээ!), бүхэл бүтэн лекц уншив:
"Монгол бол их өвөрмөц орон. Бид капиталист хөгжлийн замыг алгасаж, социализм өөд явж байна. Дөнгөж хэдхэн жилийн өмнө бошгыг халлаа. Одоо эрчүүлийн дөч шахам хувь лам хэвээр байна шүү дээ Шашны нөлөө асар их байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Эхлээд ардын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Богд гэгээнийг тодруулах гэж эрж хайхыг хориглосон хууль гаргав. Тэгээд дөнгөж гуравхан жилийн өмнө амьд бурхныг тодруулахыг бүрмөсөн хориглов. Манай сүм хийд бүр шахам өөрийн хувилгаантай. Тэдний зарим нь арван найм дахь удаагаа тодорсон хүмүүс. Чингис хааны үеэс ийм ёс тогтжээ. Тийм ч амар хэрэг биш шүү".
Япончууд Манжуурыг эзэлснээс хойш лам нар Ванчин богдыг дэмжиж, Богд гэгээний залгамжлагч гэдэг болсныг Жамсран бас ярилаа. Ванчин богд хувьсгалаас зугтан Баргад очоод, сүм хийдийн том толгой лам нартай байнгын холбоо барьж байгаа ажээ. Энэ бүхнийг сонсоод толгой эргэж гүйцэв. Автономит засгийн газрын ерөнхий сайд Сайн ноён ханыг Богд гэгээний ордонд хордуулснаас гадна Сүхбаатарыг бас амьд бурхны нууц даалгавраар лам нар хордуулан алжээ. Сүхбаатар ан авд явж байгаад ханиад хүрэхэд лам зугуухан хүчтэй үйлчлэх хор найруулан эмийн оронд уулгажээ. Лам нар хор найруулахдаа хэнээс ч чадмаг улс гэнэ. Төвд эмнэлгийн ухаанд хорыг тусгайлан судалдаг ажээ. Богд гэгээний ордноо хоронд мэргэжсэн том лам нар олон байжээ. Би энэ тухай эцгийн тэмдэглэлийн дэвтрээс уншиж байсан бөгөөд, Жамсран гуай ч бас ярьж байв. Лам нар хоол хүнс, эм тангаас гадна эмээл хазаар, хувцас хунар зэрэг юу дайралдсанаа хордуулж чадах агаад эхлээд хүний бие эдгэж сэргэх мэт болоод гэнэт нас бардаг ажээ. Сүхбаатарыг яг ингэж хөнөөжээ.
Бид өөр газарт явах хуваарьтай байтал зүүн өмнө хязгаарт сахуу гарч, бид нааш ирэв. Тахал газар хөдлөлт лугаа адил гэнэт гардаг болохоор бас л гэнэт гарав. Гаднаас хэдэн адуу, тэмээ ирж сүрэгт нь нийлснээс хойш удалгүй мал үхэж эхэлсэн гэж монголчууд ярьж байна. Сүрхий ажигч улс шүү! Тэмээний мөрөөр хэний тэмээ явж өнгөрснийг андахгүй мэддэг ажээ. Энэ удаа хилийн чанад Баргаас хэдэн тэмээ ирсэн ажээ. Гэтэл Манжуурт ямар ч тахал гараагүйг монголчууд сайн мэдэж байв. Тэдний "шугамгүй утас" найдвартай ажиллаж байв. Сахуу гарсан шалтгаан их л сэжигтэй хэмээн Яворский ярьж байна.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 1:52 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Манай институтэд Оксана Орлик гэдэг оюутан суралцдаг байлаа. Тэр надаас хэдэн насаар эгчмэд бөгөөд намайг институтэд элсэн орсон жил, гуравдугаар анги төгсөөд дадлагаар явсан юм. Би түүнийг бараг танихгүй, гуанзанд хурал дээр хоёрхон удаа харсан билээ. Гонзгой царайтай, хажуугаас харахад хатуу чулуугаар сийлсэн мэт гайхалтай сайхан галбиртай өндөр туранхай хүүхэн санаанд үлджээ. Тэр монголд дадлагаар яваад буцаж ирээгүй юм. Жилийн чөлөө хүссэн өргөдөл ирүүлж, чөлөө аваад бичихээ бүр больжээ. Намайг явахын өмнө тэнхимд дуудан аваачиж, Оксана яагаад сургуулиа орхисон, юу болсныг мэдэж ирэхийг надаас хүсэж билээ. Гэтэл бид хоёр санамсаргүй уулзав.
Бид хоол хүнс авахаар эл хуль элсэрхэг талын дунд орших аймгийн төв хэмээх тосгон орохоор явтал машин эвдэрч, жолооч маань "гал ирэхгүй байна" гэж үглэн, хэдэн цаг мотороо ухаж ноцолдсоны эцэст "гал ирж" Даланзадгадад оройтож очсон учир тэндээ хоноглох болов. Тосгонд цорын ганц орон сууцны байшинд хонолоо. Үүдэнд нь том цоож дүүжилсэн мухлаг, түүнд залгаж барьсан эмийн агуулахыг үл тооцвол өөр байшин барилга гэх юмгүй, талын нэг эсгий гэр харагдана.
Эргэн тойрон ус, модгүй хатуу хөрст тал цэлийж, гагцхүү алсад элсэн дундаас загийн төгөл харагдах бүлгээ.
Оксанаг би хармагц танилаа. Тэр эмийн сангаас манай байшинг чиглэн боодолтой юм тэврэн, гартаа тунгалаг шингэнтэй шил барин ирж явлаа. Нэрээр нь дуудсанд, намайг гайхан харав. Надтай дайралдсандаа дургүй байх шиг бололтой.
Оксана аймгийн төвөөс нэлээн хэдэн өртөө газар суудаг агаад эм авахаар энд ирээд замын машин, тэмээн жингийн аль дайралдсанаар буцах санаатай яваа ажээ. Өртөө гэдэг бол шуудангийн нэг буудлаас нөгөөд хүрч морь сэлгэдэг арван таваас жаран мод газрыг хэлнэ.
Үдэш бид хоёр хооллоод, унтахын өмнө салхинд гарцгаав. Шөнийн харанхуйд би зүг чигийн баримжаа алдаж, манай байшин хаана байгаа, ер нь тосгон аль зүгт байгааг мэдсэнгүй. Эргэн тойрон нүцгэн талаас өөр юм үл үзэгдэж, битүүлэг дуу шуугиан, сэрчигнэх чимээ гарч зэрлэг амьтад, шөнийн шувуудын дуу сонсогдоно. Оксана хажууд хэнэггүй алхах нь зөрөг бүхнийг нь андахгүй мэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн дотор явах мэт. Тэр хуучин гандмал пальто, өсгий нь элэгдэж, хошуу нь халцарсан шаахай өмсжээ.
Би тэнхимийн даалгаврыг ярив. Оксана халааснаас янжуур гарган чүдэнз асаахад, нүүр нь хажуу талаас харагдав. Оксана оюутан ахуй цагийн хүүхдэрхүү байдлаа алдсан боловч, улам ч сайхан болоо юу даа. Тэр тамхиа шуналтайяа гүн сороод, хэсэг дуугүй явлаа. Хөл дор элс шижигнэнэ.
"Би эндээс хаашаа ч явахгүй" гэж тэр хэлээд нэг л хачин инээснээ "Соёлтой газрын хүмүүс та нар үүнийг ойлгохгүй. Би ч өөрөө хоёр жилийн өмнө ойлгохгүй байсан. Тэгвэл одоо... Би Чингис хааны үеэс бараг ялгагдах юмгүй дундад зууны эхэн үеийн байдалд хэрхэн шигдэх болсноо чамд ярья. Би цаг хугацааг яаруулахгүй, цаг хугацаа намайг яаруулахгүй. Би санаа амар амьдарч байна. Миний анхны тогтоосон монгол үг бол "Маргааш өглөө" гэсэн үг байсан санагдана. Энэ бол нөгөөдрийн хийж болох юмыг маргааш хийх хэрэггүй, яарах явдалгүй гэсэн үг. Иймээс би яарахгүй байна!" гэв.
Би санал зөрсөнд Оксана миний үгийг тоомжиргүй (ер нь миний үгийг үл тоомсорлон, өөрийн зөвд итгэл төгс байв) сонсож, "Чи үүнийг ойлгохгүй гэж би чамд эс хэллүү" хэмээн хэлэв.
"Гэлээ ч чи яагаад ингэж амьдрах болов? Зүгээр ингэх ёсгүй" гэж би шалгаав.
Бид хоёр тэр шөнө удтал зугаалан явлаа. Оксана яагаад "дундад зууны эхэн үед" амьдрах болсноо надад итгэн ярив.
Тэр, хоёр жилийн өмнө Монголд иржээ. Түүнийг бага эмчийн дадлага хийлгэхээр зах хязгаар нутагт явуулав. Бусад оюутнууд өөр өөр аймагт хуваарилагдан таржээ. Удалгүй арьс шир, ноос, мал бэлтгэн нийлүүлэгч бөгөөд барааны мэргэжилтэн, нягтлан бодохын ажлыг хавсран хийдэг нэгэнтэй танилцлаа. Бүдүүлэг бойд тэр хүн Оксанаг өөртөө яагаад ч юм, татаж чаджээ. Оксана өөрөө ч гайхаж байв. Ер нь Сашка Кондратовдаа хайртай ажээ. Оксана аз жаргалтай байна уу? "Хамаагүй" гэсэн монгол үгийн дагуу амьдарч байгааг үзвээс аз жаргалтай нь илэрхий...
Сашка нь нутгийн хэл сайн мэдэх монголжсон орос хүн. Эцэг эх нь Манжуурт суурьшсан цагаантны дүрвэгчид ажээ. Сашка Манжуурт байх дургүй нь хүрч, Монголд иржээ. Ганц гэм нь архи их ууна. Бүр ухаан алдталаа уугаад, зан авир нь догшин ширүүн болж, Оксанаг зодно. Оксана түүнийг үг дуугүй халамжлан анхаарч, орыг нь засаж, гутлыг нь тайлна. Өглөө Сашка өвдөг сөхрөн уучлалт гуйх авч, удалгүй нөгөөхөө дахиад эхэлнэ. Тэд гэрт суух бөгөөд монголчуудаас ялгарах юмгүй амьдарч байв. Сашка юу ч үл унших тул Оксана ч уншихаа больж, авчирсан эмнэлгийн номоо хааяа нэг дэлгэнэ. Тэр лам нараас төвд эмнэлэг сурч, одоо туршлагатай эмчид тооцогдох болжээ.
"Гэлээ ч аймшигтай юм!" гэж би дуу алдав.
Оксана харанхуйд над руу нүүрээ эргүүлэн:
"Би түүнд сэтгэлтэй болоогүйсэн бол аймшигтай байхсан биз, одоо ч хамаагүй ээ!" гэв.
Оксана өөрийгөө зориуд зөвтгөхийг эрмэлзэж байх шиг надад санагдав. Тэр аль эрт Москвагаас гарч, Гималайд сууж буй уран зураач Рерихийн тухай яриа гэнэт үүсгэв. Түүний ярьж буй зүйлийг би дуулаагүй юм байна. Рерих шинэ буддын нийгэмлэг байгуулж, хүмүүсийн сэтгэл мэдрэлийн сацрагийн амин гүйдлийг ашиглан ертөнцийг хувьсган өөрчлөх бодолтой ажээ. Хэрэв сацрагийг нэгтгэн цуглуулбал хар мууг ялан дийлэх сайн санааны асар хүчтэй генератор болно. Рерих хэдэн жилийн өмнө Монголд ирж, орос хэвлэлийн газарт судар маягийн номоо хэвлүүлжээ. "Нийгэмлэг" гэдэг энэ ном Оксанад бий ажээ. Надад уншуулна гэж амлав...
Оксана энэ сурталд автан, зарим хэсгийг цээжээр, бүр шүлэг шиг урнаар уншиж, шүтлэгтээ үнэнч баптист эмэгтэй шиг байв. Анхандаа би дуугүй сонсож байснаа, дараа нь маргасан боловч, надад дан ганц үзэл бодлоос өөр олигтой нотолгоо байсангүй. Оксана ярьсан нь:
"Номыг Дорно дахины нийгэмлэгийн гишүүн бичсэн юм. (Рерихийг тийнхүү нэрлэдэг ажээ) Оюун санаа бол гэрлийн сацраг, цахилгаан соронзон долгионы адил жинтэй гэж тэр баталж байна. Түүний сургаалыг дагагчид бүх дэлхийгээр тархсан. Гэлээ ч Гималайд байгаа нийгэмлэгийн гишүүд ухамсрыг боловсронгуй болгож байна. Сэтгэлийн эрчим хүчний сацраг нь мөнгөн шооны адил урван тэрслэх, амиа бодох зэрэг элдэв муу явдлын нянгийн байргүй. Сашка бид хоёр Гималайд очих санаатай. Тэнд газрын хөрснөөс муу санааг арчин хаях сэтгэлийн эрчим хүч хуримтлагдаж байна. Муу санаанаас хамаг хэрэг гардаг шүү дээ". "Чи энэ дэмий юманд итгэж байна уу?" гэж би асуув.
"Итгэхгүй яах юм! Коммунизм ертөнцийг хувьсган өөрчлөхийг эрмэлзэж байгаа биш гэж үү?".
Элдэв холион бантан дүүрсэн Оксаны толгойг сэнхрүүлж би чадсангүй. Тэр өөрийнхөөрөө зүтгэж, Сашкатайгаа хамт Гималайд очихыг мөрөөдөн байлаа.
Бид Оксанаг өөрсдийн машинд суулгав. Тэднийх бараг бидний улаан замд, замаас хоёрхон өртөө хазайх ажээ.
Хот айлд өдөр очлоо. Шавар хэрэмт том дацангаас холгүй, уулын бэлд хориод айл зусаж байв. Айлын хүмүүс, тэр даруй машины дэргэд цугларлаа. Тэдний дунд зогсох өндөр гоолиг залуу монгол дээлийн энгэр яран, турк шаахай шиг ээтэн хоншоорт ногоон угалзтай улаан гутал өмсжээ. Харахад хагас монгол-хагас европ хүн ажээ. Хавчиг духтай өргөн нүүр рүү нь угаалгүй удаж, тос дааварласан хэсэг үс унжжээ.
Оксаны юмыг машинаас буулгах үед тэр түүнийг буухад туслан гар дээрээ тосож аваад, гэр рүүгээ тэврэн явлаа. Энэ бол Сашка гэж би ойлгов.
"Юмаа аваарай!" гэж түүнд хашгирцгаав.
"Хамаагүй ээ!" гэж тэр залуу хариулав.
Оксана гар дээр нь хүүхэд шиг хэвтэн, царай нь аз жаргалаар дүүрэн харагдав..."

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 1:52 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
"Тэмдэглэл хөтлөлгүй нэлээд хэдэн сар боллоо. Энэ хугацаанд биднийг баллах шахсан нэгэн явдал болж өнгөрөв. Одоо муу юм ард хоцорсон болохоор юу болсныг тайван ярих боломжтой. Би гэртээ ирчихсэн, хичээлдээ явж, хэвийн амьдралдаа эргэн орсон хэдий ч, заримдаа болсон явдлыг үнэмшихэд бэрхтэй санагдана.
Эхнээс нь ярья. Биднийг аймгийн төвөөс буцаж ирэхэд, манай экспедицийнхэн хүнсээ дуусаад байсан тул ихэд баяртай угтлаа. Бид өөр өөрсдийн ажил эрхэлж, хоёр гурав хонотол, Цэрэндорж дарга үдэш орой манай том майханд орж ирлээ. Тэр Улаанбаатараас томилогдон ирж, сумын захиргааны даргаар ажиллаж байгаа хүн. Урд өмнө бидэн дээр ирж, цай ууж, гаансаар тамхи татаж, яаралгүй ярилцаж байгаад үдэш оройхон мордон гэрийн зүг явдаг байлаа.
Энэ удаа Цэрэндорж нэлээд сандрангуй байдалтай, биднийг даруйхан явах хэрэгтэй гэв.
"Муу байна, уу байна. Одоохон явахгүй бол оройтно шүү" гэж тэр дахин дахин хэлэв.
Яворский анхандаа юу болсныг ойлгосонгүй. Хэлмэрч дуудав.
Цэрэндоржийн хэлэх нь, Манжуураас шилжин ирсэн халзан Доржийн багийн морьт баргууд аймагт үзэгджээ. Халзан Дорж бол ардын засгийн эсрэг нэг биш удаа бослого гаргаж байгаа, Ванчин ламын баруун гарын хүн. Ванчин лам өөрийгөө Богд гэгээний хувилгаан гэж өргөмжлөн, Халхад хаант засгийг сэргээх бодолтой ажээ. Унгернийг ялагдмагц Баргад зугтан гарсан элдэв тайж түшмэд, мөн япончууд түүнийг дэмжиж байв. Энэ удаа шар цэргийн дунд Ванчин лам өөрөө яваа сураг байв. Хашир зальтай лам цагаас өмнө ирсэн гэдэгт Цэрэндорж эргэлзэж байлаа. Юутай ч гэсэн зэргэлдээх дацанд амьд бурхныг угтахад зориулж эрээн асар майхан сүмийн өмнө барьжээ. Ер нь лам нар муу суртал нэвтрүүлэг явуулж байлаа. Үүнийг Цэрэндорж сайн мэдэж байв.
Өчигдөр халзан Доржийн анги биднээс хоёр өртөө зайтай байжээ. Маргааш энд ирж магадгүй.
"Та нар Улаанбаатарын зам чөлөөтэй байгаа дээр явах хэрэгтэй. Бид ууланд гарч хүн малаа аврахыг бодно" гэж Цэрэндорж хэллээ.
Яворский үдэш явахаас татгалзаж, шөнийн харанхуйд баргууд дээр орчихож юуны магад хэмээн өглөө эрт явахаар зүтгэв. Цэрэндорж тамхиа татан, дуугүй сонсож сууснаа Яворскийг ярьж дуусмагц
"Сургагч аа, өнөөдөр явж үз. Зугтахаас залхууран, намайг ид гээд чонын зам дээр хэвтсэн тэмээ шиг авирлахаа боль.. Би хэлдэг үгээ хэллээ, яахаа өөрөө мэд" гэв.
Цэрэндорж босож, тамхиа татаж дуусаад, гаансаа түрийлээд майхнаас гарав. Мориндоо сэвхийтэл мордож цагийн өмнөхөн айлууд байсан зуслангийн зүг давхилаа. Одоо тэнд нүцгэн талаас өөр юу ч алга. Ардууд энэ хугацаанд гэрээ буулгаж, тэмээнд ачиж амжжээ. Уулын зүг нүүдлийн цуваа хөвөрчээ. Хүзүү сунган явах тэмээд, нарийн шилбэт морь унасан хүмүүс жаргаж буй нарны улбар туяанд хар цаасаар хайчилсан дүрс мэт харагдана.
Дараа нь бид Улаанбаатарт ирсэн хойноо, Судар бичгийн хүрээлэн дээр Жамсран гуайн тасалгаанд Рерихийн зурсан зургийг үзэв. Монголд ирэх үедээ зурсан ажээ. Үдшийн улаан туяат дэвсгэр дээр морь унасан хүн зуржээ. Энэ зураг уулын зүг яваа тэмээн цуваа, тал дундуур давхин холдож буй Цэрэндоржийг санагдуулж билээ.
Бид тэр үдэш юун байгалийн сайхныг гайхахтай мантай. Шөнөжингөө юмаа янзалж, замд бэлтгэв. Экспедицийн юмнаас орхих дургүй байсан Яворскийн зөв биз. Шинжилгээний ажлын үр дүнгээс ямар ч байсан салахгүй гэсэн эрдэмтний шунаг сэтгэл түүний дотор төржээ. Бид ч бас аюулыг үл ухамсарлан, тэгж бодож байлаа.
Үүр дөнгөж хаяармагц, хоёр машинаар замд гарлаа. Хэдхэн мод газар яваад байтал бидний баруун талаар нэлээд алс урдуур морьтой хүмүүс гарч ирэв. Тэд биднийг харав бололтой, амдан давхилдлаа. Баргууд болох нь эргэлзээгүй. Зугтан гарч чадах эсэх маань гагцхүү жолоочоос шалтгаалах байв. Бидний зүүн талд уул толгод, түүний бэлээр ширгэж хатсан голын голдрил, баруун талд баргууд байсан учир гагцхүү урагшлах хэрэгтэй байлаа. Баргууд биднийг сайранд шахахыг оролдов. Тэмээ ч явахад бэрхтэй байдаг элсэрхэг сайранд машин суух нь гарцаагүй.
Автомашин ямар ч замгүй тал дундуур хурдалж, баргууд морьдынхоо дэлэнд наалдан, биднийг амдан суналаа... Бид ачаа даруулсан татлага олсноос зууран дээр сууж явав. Юутай аймаар байсан гээ! Би ямар ч үед тасарч магадгүй олсноос зууран, машин л битгий унтраасай, битгий унтраасай гэж үглэж байв...
Бид баргуудад гүйцэгдэлгүй гарч чадав. Тэд хоцорч эхэлмэгц, хэд буудаад хөөхөө болив...
Тэгээд хагас цаг хиртэй явтал өмнө талд баахан морьтой улс гарч ирэв. Энэ удаа бид дэмий айжээ. Нэг морьтой хүн урагш гарч, биднийг даллаж эхлэв. Бид удаан харсны эцэст Цэрэндорж мөн болохыг танилаа. Энэ шөнө баргууд урагш хөдөлж, Улаанбаатарын замыг тасалсан учир биднийг тосохоор гарсан нь энэ ажээ. Цэрэндорж биднийг ууланд гарч, хүлээх хэрэгтэй гэж хэлэв.
Замгүй газраар элс чулуун дундуур мацан ууланд гарч, хадат уулсын дунд орших ногоон хөндийд хүрсэн манай машины сайн жолоочийн ур чадварыг гайхаад баршгүй. Энд айлууд бууж, галаа түлжээ. Уулын бэлээр мал бэлчинэ.
Би хоёр долоо хоног шахам ууланд суугаад баг цэргээр хамгаалуулан Чуулалт хаалгын замд нийлсэн хугацаанд болсон явдлыг тодорхой бичихгүй. Самуун дэгдээгчдийн аллага хядлагаас дүрвэсэн ардууд ууланд улам олшров. Тал бүрээс түгшүүрт мэдээ ирнэ. Ванчин ламын бослогыг лам нар, феодалууд дэмжиж, сүм хийд бүхэн босогчдын түшиц газар болов. Халзан Дорж эртнээс бослогод бэлтгэж, хувьсгалын эсэргүү лам цартай нууц холбоо барьж байжээ.
Цэрэндоржтой бидний уулзсанаас хэд хоногийн хойт ууланд Оксана хүрч ирлээ. Түүнийг Цэрэндоржийн зохион байгуулсан өөрсдийгөө хамгаалах баг угтан уулзжээ. Цэрэндорж Сүхбаатарын цэрэгт Унгернтэй байлдаж явсан ажээ. Оксана таних аргагүй турж харлаад, эцэж ядран хөл дээрээ дөнгөн данган зогсож байв. Тэр хоёр хоног унд хоолгүй явж, золтой л цангаж үхээгүй иржээ. Баргуудын ирснээс болж, түүний үзсэн юм бүр ч аймшигтай байлаа.
Сүмийн ойр байсан зуслангийн айлууд халзан Доржийн цэргүүдийг ойртон ирэхэд нүүсэнгүй. Лам нар тэднийг шарын цэргээс айх хэрэггүй гэж ятгажээ. Хэдэн хүн малаа ууланд нуух санаатай тал руу зугтсанд, тэднийг гүйцэж сүмд авчирчээ.
Цааш юу болсныг санахаас Оксаны зүрх шимширнэ. Баригдагсдыг хагас нүцгэлэн, гарыг нь ард нь хүлж, хүрдний дэргэд авчрав. Дацангаас лам нар ариун туг гаргаж ирлээ. Тугны араас хийдийн тэргүүн, их идэж таргалснаас нүд нь онийж, хацар нь памбайж гэрэлтсэн арван хоёр насны хувилгаан хүүхэд тэргүүтэй олон улс дагалджээ. Тэд баригдагсдын өмнө зогсов. Тэдний нэгийг урагш түлхэв. Лам хувцастай өндөр барга түүний араас очиж, үсэн дээрээс нь барьж, толгойгий нь гэдийлгээд, хутгаар цээжийг нь ганцхан ярав. Дараа нь хутгаа хаяж, цээж рүү нь гараа хийн, булгилсан зүрх гарган иржээ.
Би энэ аймшигт үзэгдлийг сайн мэдэж байна. Монголчууд хонь алахдаа, цусыг нь газар асгахгүй гэж өрийг цоолоод голыг нь тасалж алдаг. Шашны ёсонд хоолны үлдэгдэл хаях, цус газар асгахыг нүгэл гэж үздэг билээ.
Барга лам цусанд будагдсан зүрх сугалан, хувилгаан хүүд өгөв. Хүү хүний зүрхийг айсан байдалтай авч, тугны дээр цусаар нь зурав. Сүмд цан цохиж, бүрээ бишгүүр хангинан, агаарт дайнч огцом дуу хадав.
Олзны бусад хүмүүсийг мөн тэгж цээрлүүлжээ. Энэ бол шарын шашны төлөө тулалдах тангараг байлаа.
Баргуудыг ирмэгц Сашка Кондратов алга болжээ. Ууланд зугтан гарсан юм болов уу гэж Оксана боджээ. Гэтэл хоёр хоногийн дараа тэр монгол хувцас өмссөн япон дагуулсаар иржээ. Тэд цай нэрмэлийн архи ууж наргив. Дараа нь япон том дашмагтай цагаан будааны архи авчирч халаагаад, жижиг аягаар ууцгаажээ. Тэд хятадаар ярилцсан тул юун тухай ярилцаж буйг Оксана ойлгосонгүй. Ихэвчлэн Сашка ярьж, япон хүн тэмдэглэн авна. Заримдаа япон хүн газрын зураг гарган, Сашка ямар нэгэн зүйлийг зааж өгнө.
Японыг явахад Сашка мал болтлоо согтсон байв. Юун хүн болохыг Оксана асуужээ.
"Хэн ирсэн гэж бодно! Хурандаа Сато шүү дээ! Чи намайг, түүхий эд бэлтгэгч гэж бодож байсан, үнэндээ ч тийм... Сато ноён надад ахмад цол олгоно гэсэн... Одоо би том хүн болно... Чи бид хоёр..." гэж Сашка согтуугаар хэлжээ.
Сашка үнсэхээр мөлхөв. Оксана юу болсныг сая ойлгож, Кондратовын гараас мултран, гүйн гарав. Уяан дээр зогсож байсан эмээлтэй моринд ухасхийн мордож, тал руу давхилаа. Сашкагийн хашгирах согтуу дуун сонсдов. Оксана эргэн харвал, араас нь Сашка гүйж явснаа, шурган унажээ.
Хоёр хоног төөрөн явсаар, гурав дахь хоногтоо ууланд дурвэгчдийн ойролцоо Цэрэндоржийн харуулын хүмүүстэй уулзжээ. Оксанад тохиолдсон явдал гэвэл ийм бүлгээ. Түүнийг харахад солиорч байна уу гэмээр... Нүүр нь хуучин бурхны хөрөг шиг хүрэн улаан болжээ. Би хажуунаас нь алхам ч холдолгүй олон хонолоо. Нойрон дундаа хүртэл "Хамаагүй, хамаагүй!" гэж монголоор үглэнэ. Гэхдээ түүний хувьд хамаагүй биш ээ! Кондратовыг ярихдаа, Оксаны нүдэнд уур хилэн бадарч, аймшигтай болно. Сэтгэлийн их хямралаас болж Оксана дүйнгэ гөлрөө болов. Харин Улаанбаатарт ирээд бага зэрэг хуучин хэвдээ орлоо.
Улаанбаатарт бид сар шахам байж, экспедицид цуглуулсан материалаа эмхэлж янзлав.
Лам нарын бослого өргөжиж газар авав. Ванчин ламыг Богд хэмээн гадаад Монголын хаанд өргөмжлөв. Шарын цэргийн штабт ажилладаг япон зөвлөх нь Оксана Орликтой уулзсан нөгөө хурандаа ч байж юуны магад. Дээрэмчдийн толгойг барга лам нар, тэдэнтэй холбоо бүхий сүм хийдийн мяндагтнууд толгойлов. Санваартнууд цэргийн хүмүүс болон хувирлаа. Тэднийг шар цэргийн "далай лам" хэмээн нэрлэнэ. Бослогод хамрагдсан хил орчмын нутгийн ардыг шарын цэрэгт ташуур, цахиур буу, нум сумаар зэвсэглэн илгээв. Юутай муухай ов мэх вэ! Талийгаач хувилгаанууд тэнгэрээс газарт буун ирж, шарын шашны цэгийг толгойлох болов гэж лам нар цуу тараав. Сүм хийдэд хурал ном хурж, дундад зууны зэвсгээр зэвсэглэв. Тэмцэлд зэр зэвсгээс сүсэг бишрэлийг илүүд үзэв. Ванчин лам өөрийн аврал нигүүслэлийг илгээж, хуучин хэргэм зэргийг сэргээн тогтоолоо. Энэ бүхнийг амьд бурхны нэрээр, шарын шашныг хамгаалах нэрээр хийлээ. Тэр ч байтугай хамжлагат ёс тогтож эхэллээ. Гэвч хамгийн алс бөглүү сумын харанхуй бүдүүлэг, хөнгөн хийсвэр хүмүүс хүртэл мэхлэгдсэнээ ойлгож шарын цэргээс оргох болов.
Намрын эхээр ардын хувьсгалт цэргийн ангиуд улс оронд эмх журам тогтоож, самуун дэгдээгчдийн толгойлогчдыг барьж Улаанбаатарт авчрав. Халзан Дорж тэргүүтэн баргууд, мөн японы зөвлөхүүд зугтаж амжжээ.
Миний үзсэн юм энэ дээ! Миний "оюутны дадлагын" талаар ээж минь юу ч мэдээгүй нь яамай...
Судар бичгийн хүрээлэнд Жамсран гуайн номын санд Оксаны ярьсан "Нийгэмлэг" хэмээх ном байхыг санаандгүй үзэв. Үнэнээ хэлэхэд номонд миний ойлгохгүй юм их байлаа. Зураач Рерих тун уран хэлээр бичжээ. Тэр буддизм, материализм, Лениний сургаал, тарнийн номыг нийлүүлэн хутгажээ. Өөрийгөө материалист хэмээн оюун санааг материаллаг үндэстэй гэж үзэж, Ленинийг хүндэтгэн, Буддаг алдаршуулан магтжээ. Би Гималайн нууцлаг нийгэмлэгийн талаар сэтгэлдээ тэмдэглэл хийсэн нь:
"Газарч хүмүүс зарим чиглэлд явахаас татгалздаг гэдгийг та нар итгэлтэй жуулчдаас сонссон нь лавтай. Тэд урагш явснаас үхсэн нь дээр гэнэ. Үнэндээ ч тийм. Жуулчдын сэтгэлд бид нөлөөлсөн хэрэг. Гэлээ ч хэн нэгэн болчимгүй жуулчин энэ саадыг үл хайхран урагш явах аваас өмнө нь уул нуран нүргэлнэ. Хэрэв тэр энэ саадыг давбал түүнийг нэг бол чулуун бороо авч одно, нэг бол нийгэмлэгт үл хүрнэ".
"Мэргэдэд зам нээлттэй. Цагийн тайванд явсны хэрэггүй, гэхдээ шинэ дэлхийн үүрийн туяанаар явах нь зүйтэй. Танд, одоогоор нууц байгаа материйн чанарыг судлах тэмдэг болсон соронзонг өгч явуулахыг хүснэм. Бас цахилгаан эрчим хүчний цуглуулуур морий төмөрлөг агуулсан жижиг солир өгнө. Энэ жижиг солир санаа сэтгэлийн үндсэн эрчим хүчний судлалыг, аугаа их Оумыг санагдуулах болно".
Жамсран гуайн номын санд "Нийгэмлэгийг" уншиж байтал Оксана орж ирлээ. Тэр энэ мөрүүдийг цээжээр мэдэх ажээ. "Одоо би юу хийхээ мэдлээ!" гэж тэр хашгирав. Оксана гэртээ буцах хүсэлтэй байснаа, биднийг явахын урьд өдөр гэнэт алга боллоо. Хаашаа алга болсныг би үл мэднэ. Үнэхээр Гималайн нийгэмлэгийг зорин явсан байж ч болно.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 2:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
За уншиж эхэлье дээ ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Aug.03.17 4:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ОЧИХ ГАЗАР ЯПОН...
Эдүгээ Краловы Вары гэдэг эртний нэрийг нь эгүүлж өгсөн Карлсбад хэмээх рашаан сувиллын хот гучин жилийн өмнө одоогийнхтойгоо бараг адил байр байдалтай байлаа. Ногоон хавцалд зугаатай шуугин урссан түргэн урсгалт голын хоёр эрэг даган байрласан энэ хот дундад зууны хожуу үед царцан чулуужсан мэт харагдах бүлгээ. Эндхийн юм бүхэн ямар нэгэн зүйлийг санагдуулна. Ганзейн суурины барилга, хуучин Прагийн энэ гудамж, нүүрэн талдаа, сарнай цэцгийн баглаа бүсэлсэн янагийн тэнгэр бурхдын чулуун сийлбэртэй франц хийцийн зуслангийн байшин тэр байна. Петрийн үеийн үнэн алдартны шашны сүм нь оросын Суздалийг санагдуулна. Рашааны эхэнд байдаг зугаалгын алдарт баганасыг эртний грекийн уран барилгын маягаар барьжээ. Түүний чулуун баримал нь готын сүм дуганы дээвэртэй яг адил ажээ. Тэр ч байтугай дээрээс өнгийсөн модот уулс нь Кавказыг санагдуулам...
Эндхийн юм бүхэн ямар нэг юмыг санагдуулах боловч хот хэдэн зуун жил хадгалж ирсэн давтагдашгүй нүүр төрхтэй билээ.
Карлсбад дайнд хэлмэгдсэнгүй. Америкийн нисэгчид уулсын дунд орших хотыг ололгүй, ажилчны дагуул хот дээр бөмбөг хаяжээ. Дайны үед рашаан сувиллын газарт учирсан гол хохирол бол хуучны бүх бар зурагт дүрслэгдсэн, оргилмол халуун рашаан дээрх баганас юм.
Тэндхийн генлейнчүүд эзлэгдсэн Карлсбадад Герингийг хүрэлцэн ирэхэд, тэдгээр үзэсгэлэнт баганасыг дайны хэрэгцээнд хайлуулахаар бэлэглэж, буулган нураажээ. Гэтэл хайлш цэргийн үйлдвэрлэлд тэнцсэнгүй. Тийнхүү баганас үгүй болж, генлейнчүүд дайны үед хохирол байдаг юм гэдгээр өөрсдийгөө зөвтгөжээ.
Гэхдээ энэ бүхэн дор өгүүлэх үйл явдлаас үлэмж хожуу болжээ.
Хэрэв халуун рашаанаас бал чулуу шиг бөмбөгөр хар оройт сүмийн дэргэдүүр гарч, чулуун шатаар дээш өгсвөл, чулуу дэвссэн, нарийхан эл хуль гудамж руу шууд орно. Энд, одоо ч гэсэн бүдгэрч бүгтэрсэн алтлаг хаягтай хөлсний гурван давхар байшин бий.
1933 оны зуны сүүлчээр бүхээгий нь гэдрэг буулгасан, хуучны маягийн нэг сүүх тэрэг тэр байшингийн орцын өмнө зогсож, тусархуу хөтөч, сууж ирсэн хүний бөмбөгөн дотортой цувны ижил өнгийн, дөрвөлжин хээтэй саарал чемоданыг эзэнд нь суудал дээрээсээ авч өглөө. Хүрч ирсэн хүн бол дунд хир насны, өргөн нүүртэй, өндөр нуруутай ажээ. Гандаж борлосон царайнд нь цайвар харагдах саарал цэнхэр нүд нь хянуур байдлыг илтгэнэ. Аяны цайвар костюм өмсөж, интоорын өнгөт хар хүрэн зангиа зүүсэн нь тамирчин байрын өргөн ханхар биед нь сайхан зохижээ.
Тэр хүн хонгор хүрэн үсээ хойш илбээд, бага зэрэг доголсоор дотогш орлоо.
- Би энд удахгүй. Наран талд орвол зүгээр юмсан, гэхдээ би дуу шуугианд муу тул чимээ аниргүй өрөөнд хүн орох хэрэгтэй байна гэж ирсэн хүн хэлээд, эзэгтэйд паспортаа өгөв.
- Ноён Рихард Зорге гэнэ үү?
- Тийм ээ, Рихард Зорге. Гэхдээ намайг хүмүүс Жонсон гэвэл илүү мэднэ. Та тийм сэтгүүлчийг дуулсан уу? (Эзэгтэй тийм нэр сонсоогүй ажээ...) Александр Жонсон гэдэг бол миний утга зохиолын ил нэр. Гэхдээ намайг аль дуртай нэрээрээ нэрлээрэй...
Ярих хөөрөх, хөдлөх байр төрх нь энгийн чөлөөтэй, гадаадын энэ хүн аятайхан сэтгэгдэл төрүүлсэнд, эзэгтэй зочныг хоёрдугаар давхарт гаргаж, нэгэн өрөөний үүд нээж харуулав.
Рихард өрөөг гүйлгэн харснаа санаанд нь таарав бололтой. Үдээс хойших цаг тул нарны гэрэл өрөө дүүрэн түгжээ. Зорге цонх руу очиж, орчин тойрныг харвал, бор шаргал вааран дээвэр, хар бараан яндангууд, сүмийн дэргэдэх цоорхой пөмбөгөр дээвэртэй, уран сийлбэрт баганас цувран, түүний дороос халуун рашааны цайвар уур манаран оргилно. Түүнээс цааш хотын дээрээс өнгийх өндөр ногоон уулын наад бэлд голын зах, гудамжлан тарьсан туулайн бөөр модод харагдана. Моддын навчис ирж буй намар цагийн аясаар шарлаж эхэлжээ.
Тэр өдөр зочин өрөөнөөс гарсангүй, үдшийн хоолоо өрөөндөө авчруулж идэв. Харин шөнө орой болсон хойно, амрагчдын хөл татрахаар, цэвэр агаарт хэсэгхэн гарав. Төмөр хашлагат шатаар буун сүм тийш очиж, өндөр хаалгаар дамжин баганасын дунд орлоо. Рихард аварга том чулуун аяган дотор годгодон оргилох халуун рашаан, эрүүл энхийн дагины баримлын өмнө түр зуур зогсон саатсанаа цаашлан явж, гүүрээр гарч, жижиг талбайд хүрээд, буцаж байрандаа ирэв.
Үдшийн зугаалганд бие нь сэргэжээ. Рихард үүдээ түгжиж, пижакаа тайлаад, цонхны дэргэд диван дээр хэвтээд хамаг юм хийгдсэн мэт сэтгэл амран чөлөөтэй амьсгалав. Сүүлчийн уулзалт, хөлөг онгоц... Гудамжнаас сэрүү татан, санаа сэтгэл тайван хэвтэхэд аятайхан байв. Үнэнийг хэлэхэд, тэр гол ажилдаа ороогүй байгаа ч, сүүлийн хэдэн долоо хоногт сүрхий их ядарчээ.
Тэр Төвийн төлөөлөгчтэй уулзаж, өөрийн сүүлийн ажил явдлаа ярьж, Японд явахын өмнө заавар авахаар Мюнхенээс Карлсбадад иржээ. Карлсбадыг уулзах газар болгон сонгож авсан нь санамсаргүй хэрэг биш, энд гестапын тагнуул туршуулаас нуугдах боломж илүүтэйд оршино.
Рихард энд ирэх дуртай, Германд ажиллаж байхдаа хэд хэдэн удаа иржээ. Одоо хол явахын өмнө ажлын далимд ганц хоёр өдөр амарна гэж бодож нааш дуртайяа иржээ. Түүнээс гадна Германд хэн хүнд харагдахгүйг чухалд үзэв. Тэр дундаа түүнийг Риббентроптой уулзуулахаар урьж магадгүй байлаа. Рихард гадаад явдлын яамны сайдтай уулзахыг огт хүссэнгүй.
Маргааш өглөө нь Рихард эртлэн босож, хотод цай ууна гэдгээ эзэгтэйд хэлээд гарч явлаа. Рашааны дэргэдүүр өнгөрөх үес найман цаг болоогүй байсан боловч модон хайрцаг эгнүүлэн тавьж, энгэрийн зүү, товч, хямдхан зүүлт зэрэг элдэв аахар шаахар юмны наймаа хэдийн эхэлсэн голын захад очив. Үзмэрийн том цонх, давчуу нарийн хаалгатай тансаг зоогийн газрын өмнө очиж, алхаагаа саав. Рихард өчигдөр орой энд ирсэн болохоор, ягаан чулуугаар өнгөлсөн тэр байшинд хэзээ язааны мэддэг хүн шиг итгэл төгс орлоо.
Нүсэр том зөөлөн сандал тавилсан цэлгэр танхим бараг хүнгүй байв. Жижиг дугуй ширээний дэргэд заан лугаа адил харагдах зөөлөн сандал, алтан хиаз бүхий хувцастай хаалгач, гэлэнмаа нарыг санагдуулам цардмал цасан цагаан малгай өмссөн, төлөв даруу үйлчлэгч бүсгүйчүүд зэрэг эндхийн юм бүхэн нүднээ дулаан, сүр бараатай, цөм ажил хэрэгч, нарийн чанд ажээ. Зорге цонхны ойролцоо ширээнд сууж, хоол захиалав. Зорге ширээний ард сонин уншиж суусан хүнээс, хажуугийн нь суудал сул уу гэж асуухад, тэр хүн өөдөөс нь хэнэггүй харж, толгой дохиод, сонингоо уншиж гарчээ.
Рихард танхимд орж ирэхдээ намхандуу нуруутай, цайвар шар үстэй, хөнхөр нүдтэй энэ хүнийг харж амжихад анхны шинж төрх таарч байжээ.
Нөгөө хүн кофе ууж дуусаад, мөнгөний түрийвчээ уудалснаа мөрөө хавчин,
- Уучлаарай, та мөнгө задалж өгөхгүй юү? гээд Зоргегийн өмнө таван долларын дэвсгэрт тавилаа.
- Ээ дээ, бутархай байхгүй л болов уу гэж Зорге хэлээд, түрийвчээ уудлан, яг тийм дэвсгэрт гарган, зэрэгцүүлэн тавьж,
- Надад бас дан тавт байна, өөр бутархай юм алга гэв.
Үл таних хүн Зоргегийн долларыг авч, дугаары нь хараад түрийвчиндээ хийчихэв. Зорге ч бас тэр хүний долларыг авч, дугаары нь хараад түрийвчиндээ хийлээ. Дугаарын сүүлчийн тоо долоо, найм хэмээн дараалан таарч байсан учир эргэлзэх зүйл байсангүй.
Шар толгойт бутархай мөнгө тавиад, ширээний араас босож, хоол зөөгчийг хүлээлгүй, зоогийн газраас гарч явлаа. Тэр гарахынхаа өмнө намуухнаар
- Би Людвиг... Өнөөдөр таван цагт шуудангийн цаана... хотоос гарах замаар гол өгсөөрэй... Миний араас явна шүү... гэв.
Зорге баясгалант амрагчдын дунд орон, тогтсон цагт голын захаар зугаацан явав. Ид амралтын улирал тул энд тэндгүй, явган хүний зам, чулуун өмсгөлт голын хоёр эргээр гоё дэгжин хувцастай хүмүүс хэсэг хэсгээрээ үзэгдэх агаад ганган хүүхэн суулгасан задгай тэрэгнүүд засмал замаар шур шурхийн өнгөрнө. Сүүх тэргийг илүүтэйд үзэх хүн нэлээд олон байх тул шуудангийн чиглэлийн замаар хөврөн шогших морьдын цуваа хуучин цагийн ёс горим, намба төрхийг үзүүлнэ.
Үдийн нозоорсон халуун намжиж, олон зуун наст моддын дор сэрүү татаж эхэлсэн тул зугаалахад хамгийн тохиромжтой цаг байв!
Том толгойт бамбаруушийг санагдуулам янагийн тэнгэр бурхдын, чулуун сийлбэр дүрстэй нэгэн сүрлэг сайхан дааман хаалга өнгөрөөд, хуучин цагийн хийцээр барьсан зочид буудал, том шилэн асар дахь орчин цагийн зоогийн газар, морин өртөөний янз байдал дуурайлган хийсэн жүчээ бүхий шуудангийн чулуун шалтай хашаанд Зорге хүрч ирлээ.
Рихард өөдөөс ирж яваа Людвигийг нэлээд холоос харав. Людвиг ч түүнийг олны дундаас олж хармагц, тэр даруй цааш эргэн зугаалж яваа хүний царай гарган, замаар шалмаг алхаж эхлэв. Тийнхүү эргэж харалгүй явсаар, гүүр тийш эргэн, голын цаад талд гарч, хотгор дундуур ороод, зөргөөр уул өөд өгслөө. Энд хүн цөөн тул Людвиг хүлээж, аажуухан алхаж явтал Зорге гүйцэн ирж зэрэгцэн явлаа. Хөл дор өнгөрсөн жилийн шар навчис шарчигнана.
- За сайн байна уу? гэж Людвиг хөгжилтэй мэндэлж, Зоргегийн гарыг чанга атгаад
- Олон хүн таны амар мэндийг асуусан, гэхдээ эхлээд ажил хэргээ ярилцъя. Та хэзээ явахаар зэхэж байна вэ? гэж асуув.
Людвиг германаар маш цэвэрхэн ярьж байв. Гэвч Рихард өөртэй нь хамт уул өөд сэвэлзтэл алхаж яваа энэ хүнийг Москвагаас ирсэн гэдгийг мэдэж байлаа.
- Паспорт бэлэн. Ванкуверын билет захиалсан. Канадаар дамжиж явахыг дээр гэж үзэж байна. Галт онгоц Гамбургээс бямба гаригт гарна гэж Рихард хариулав.
Тэр гэнэт яриа тасарч болохыг сайн мэдэх тул товчхон, эмх цэгцтэй ярьж байлаа. Тагнуулч хүнд мөрдөлт мөшгөлт юм уу бусад саад тотгор тохиолдохыг хэн байг гэх вэ.
- Та сурвалжлагчаар явах гэж байна уу?
- Тэгнэ ээ... Би энэ тухай Төвд хэдийн мэдэгдсэн, хүрээгүй байгаа юм болов уу даа. "Франкфуртер цайтунг" сонины сурвалжлагчаар томилогдсон. Бас өөр хоёр, магадгүй гурван ч сонинг төлөөлөх бололтой... Нэрийн хуудсаа захиалчихсан.
Зорге мушилзан инээмсэглэж нэрийн хуудсаа Людвигт өгөв:
"Доктор РИХАРД ЗОРГЕ
"Франкфуртер цайтунг" (Майн дахь франкфурт).
"Берзен курир" (Берлин).
"Амстердам кандельсолад" (Амстердам) сонины Япон дахь сурвалжлагч"
- "Франкфуртер цайтунг" бол германы хамгийн том сонин. Үүнийг "ИГ Фарбены" захирал нар далдуур дэмждэг юм. Германы сэхээтний дунд өргөн түгсэн сонин. Геббельс одоогоор сониныг тайван байлгаж байна. Ажил бүтсэн гэж үзэж байна, гэхдээ суртал нэвтрүүлгийн сүүлчийн бараалхалт хийхээс зайлсхийсэн. Тэнд очвол, миний хэн болохыг дахин шалгаж болзошгүй юм... Нацист намд элсэхэд мөн шалгах тул Токиод очсон хойноо, хамгийн гол нь цагдаагийн архиваас хол байхдаа элсэх болно, тэнд элсэхэд хялбар гэж Зорге ярив.
Зорге сүүлийн хэдэн сард хийсэн ажлынхаа талаар тодорхой ярилаа. Людвиг тагнуулч хүний ажил үйлийн талаар сайн мэдлэгтэй бололтой, Йоргег үгээ дуусаагүй байхад ойлгон заримдаа "мэднэ мэднэ... Таны мэдээнээс уншсан юм байна" гэж товчхон, хуурай үгээр яриаг нь тасалж байлаа.
Германд гарсан эмгэнэлт явдалтай бараг давхцаж, Зорге Москвад буцаж ирэв. Гучин гурван оны нэгдүгээр сарын сүүлийн өдөр Берлинд рейхстаг дүрэлзэн шатаж, Гитлер засгийн эрх булаан авснаар аймшигт аллага хядлага германы ард түмнийг нөмөрлөө. Фашистууд зоргоор аашлан, коммунист, социал-демократ намын болон үйлдвэрчний эвлэлийн ажилтнууд, ер нь аливаа ардчилсан үзэлт герман хүний хойноос гөрөөлөн, тэднийг хорих лагерьт үхэл, там руу чулуудаж байсан энэ тамын оронд зөвлөлтийн тагнуулч тавдугаар сар гэхэд оччихсон байлаа. Коммунист хэвлэлийн эрхлэгч, намын идэвхтэн, Киль, Гамбург, Спартак, Саксоны бослогуудад оролцож явсан Рихард Зоргегийн тухай хар данс Веймарын улсын цагдаагийн газарт хадгалагдаж байсан нь илэрхий. Гитлерийн эргэлтийн дараа цагдаагийн газрын архивын хуучин материал гестапын гарт орсон нь мэдээж. Ийм нөхцөл байдлын дунд Рихард Зорге өөрийн нэр овгоор фашист Германд очих нь баатарлаг явдал байв. Коммунист Зорге өөрийн нэрээр явжээ.
Москвагаас ирсэн коммунист хүн хөрөнгөтний том сонины эрхлэгч дээр орж, гадаадын сурвалжлагчаар нь ажиллая гэж саналаа өгнө гэдэг бол туйлын зүрхтэй хэрэг. Гэхдээ чухамхүү ингэж зоримог хөдөлбөл амжилт олохыг өвгөн урьдчилан харжээ. "Өвгөн" гэдэг бол Ян Карлович Берзин буюу зөвлөлтийн тагнуулын албыг олон жил толгойлж байгаа домогт Павел Иванович ажээ.
Нэгэн явдал Рихардын санаанд оров. Берзин тасалгаандаа дагуулж орсноо, өрөөний гол дунд зогсон, мөрнөөс нь татаж, нүүр рүү нь харан
"Рихард минь сайн байна... Сайн ажилласан байна! Чамайг бүгд үнэлж байна. Гэхдээ Хятад бол зөвхөн эхлэлт гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Сайтар ярилцъя. Чи Гитлерийн талаар юу бодож байна вэ?" гэж Берзин илүү үггүйгээр асуув.
Ян Карлович Берзин бичгийн ширээний ард суухад, Рихард өмнөөс нь харж, зөөлөн сандалд суулаа. Берзин нуруугаар Зоргегийн адил боловч, цээж томтой, өргөн нүүртэй, богино зассан үстэй хүн байв. Цамцан дээрээ улаан тугийн одон хадаж, өргөн суран бүс чанга бүсэлжээ. Том гараар ширээ тохойлдон, шанаа тулан сууж, хариу хүлээв.
Энэ талаар Рихард бас их боджээ. Гитлер засгийн эрх барина гэдэг дайн, юуны урьд Зөвлөлт оросын эсрэг дайн ойртож байгаа хэрэг. Рихард бүр Шанхайд байхдаа фашизмыг түр зуурын, нас богинотой үзэгдэл хэмээн үздэг хүмүүсийг зад буруушаадаг байв. Зорге Германы улс төрийн байдлыг гоц сайн мэдэж, шинжлэн судалсны үндсэн дээр уг хэрэг явдал цаашид даамжирвал олон улсын харгис дэглэмийг, юуны өмнө Герман, Япон, Италийг... нэгтгэхэд хүргэнэ гэдэг дүгнэлт хийжээ. Гитлер засгийн эрхэнд гарсан нь уг дүгнэлтийг баталлаа. Тэгэхээр одоо, фашист хүчин ардчиллын... эсрэг довтлохоор гарцаагүй бэлтгэл хийж байгааг урьдчилан харж болох байв.
Рихард Берзинд хариу хэлсэн нь:
- Миний бодоход, одоо дэлхий дахинд фашизмд ашигтай тодорхой хэмжээний өөрчлөлт гарч байна. Би Япон, Герман, Италийн байдлыг мэднэ... Фашизм бэхжиж, газар авч байгаа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг дайны аюул нэмэгдэж байгаа хэрэг...
Зоргегийн санаа Ян Карловичийнхтэй нийлжээ.
- Энэ маань тэгэхлээр, бид дайсныхаа байгууллагад нэвтэрч, төлөвлөгөөг нь мэдэх хэрэгтэй гэсэн үг мөн биз дээ... Энэ бол Зөвлөлт Оросыг хамгаалахад бидний оруулах хувь нэмэр. Дайсны санааг мэднэ гэдэг бол тэдний түрэмгий төлөвлөгөөг таслах буюу ямар ч гэсэн урьдчилан сэргийлэх гэсэн үг... Дайны аюулыг зайлуулах нь гол зорилт. Тийм үү? гэж Берзин хэлэв.
- Яг тийм! Ян Карлович аа, намайг энэ ажилд явуулж өгөхийг хүсмээр байна. Өөрийн нэрийг дэвшүүлснээ хамгаалах хэдэн үндэслэл санаа надад бий гэж Зорге хэлэв.
Хоёулхнаа байгаа тул Зорге Берзинийг жинхэнэ нэрээр нь дуудаж байв.
- Үүний учир чамайг хятадаас дуудсан юм. Хоёул бодож үзье... гэж Берзин хэлэв.
Ян Карлович Берзиний албан тасалгаанд үүнээс гадна олон дахин уулзалджээ. Берзин, Зорге хоёр шатар шиг олон хувилбар бодож, бодсоноо нэг больж, нэг эргүүлэн авсаар Рихард Зоргегийн нэрээс бүтсэн "Рамзайн ажиллагаа" хэмээх төлөвлөгөөг зохиов.
Зоргег германы хуучин цагдаагийн газарт сайн мэдэж байх ёстойг тэр хоёр бодолцсон нь мэдээж. Цагдаагийн газрын архивт түүний ажлын талаар тодорхой лавлагаа хадгалагдаж байгаа нь магад учир гарцаагүй сүйрэх байв. Гэхдээ, нөгөөтэйгүүр, энэ үед гитлерчүүд архивтай мантай, сөрөг тагнуул, улсын нууц цагдаагийн албыг дөнгөж л байгуулж эхэлж байв. Энэ байдлыг ашиглах хэрэгтэй. Жилийн дараа, магадгүй хагас жилийн дараа улс төрийн эрлийн алба хөл дээрээ зогсож, ажиллаж эхлэх тул оройтох болно. Хуучин төрийн аппарат ганхаж, хүмүүсийг хольж сольж байгаа эмх замбараагүй байдлыг ашиглан дайсны гүнд нэвтрэх нь хамгаас хялбар боловч цаг хугацаа хүлээж байсангүй. Гитлер засгийн эрх авч байдлыг улам хүндрүүлэв. Нацистууд рейхстагийг шатаахаас бүр өмнө Зөвлөлт орон руу дээрмийн дайн хийх санааг өвөрлөж байв.
Ян Карлович нэг удаа Рихардтай ярилцаж байгаад шүүгээнээс хүрэн хавтастай ном авч, хуудсыг нь эргүүлж эхлэв. Энэ нь Гитлерийн "Майн кампф" гэдэг ном ажээ. Берзин ирсэн газраа олоод,
- "Бид Европт шинэ газар байлдан авах бослогод шилжинэ. Хэрэв Европт шинэ газар олж авахыг хүсвэл, гагцхүү орос орныг эзлэн авснаар ерөнхийдөө, бүхэлдээ энэ хүсэл биелэгдэж болох юм. Үүний урьдчилсан бүх нөхцөл бүрдлээ" гэж уншив.
Ян Карлович номыг ширээн дээр хаяад,
- Яах санаатай байгааг нь харж байна уу?! Бид цаг алдвал, түүх биднийг өршөөхгүй. Германаар дамжин Японд очиж, тэндээс Германы түрэмгий төлөвлөгөөг мэдэхээр бидний шийдсэн явдал зөв шиг надад санагдана гэв.
Дараа нь сурсан зангаараа нэг гар зангидан нөгөө гарынхаа алга руу цохиод, Рихардын өмнө ирж,
- Бидний ажилд тооцоо, хамгийн зоримог үйлдэл, ухаалаг ажиллагаа асар их болгоомжлолтой хослох ёстой. Манай диалектик энэ!.. Ойлгов уу? гэв.
Тийм ээ, Рихард багшаа гэж үзэж, хайрлаж, хүндэлж явдаг энэ хүний хэлснийг ойлгож байлаа. Оросын хувьсгалын ахмад үеийн төлөөлөгч Ян Карловичийг бишрэн хүндэлдэг байв.
Рихард өөрөөсөө ердөө л таван насаар ах Ян Берзинг амьдрал, хувьсгалын их туршлага сууж ухаажсан хүнд, овор багатай, зүгээр сууж чаддаггүй зантай өвгөнд тооцдог ажээ. Үнэхээр ч тийм бүлгээ. Арван зургаан насандаа казакуудад сүмбэдүүлж, харгис цагдаа нартай гөвөлцөж, гурван удаа шархдаж, алах ял, дараа нь бүх насаар хүнд ажил хийх шийтгэл амсаж явсан Петер Кюзисийн толгой дун цайсан ажээ. Алс холын Якутаас оргон шөнө дунд гэртээ сэм ирэхэд ээж нь түүнийг танихгүй байжээ. Тэр инээмсэглэн
- Танихгүй байх нь аргагүй... Одоо би Петрик биш, Ян Берзин болсон. Петрик Сибирийн тайгад сураггүй алга болсон...
Ээж ээ, би аавын нэрээр нэрлэгдэх боллоо шүү. Би аавынхаа нэрийг хэзээ ч гутаахгүй!.. гэж хэлжээ.
Ян энэ тангаргийг хэзээ ч зөрчсөнгүй. Арван долоон оны хоёр, долдугаар сарын өдрүүдэд, Октябрийн хувьсгалын үеэр хувьсгалын талд зогсож, юнкерүүдтэй тулалдаж, Петроградын бослогод оролцож явсаар Латвид очжээ...
Берзин энэ тухай ажил хэргийн завсарт Зоргед ярьжээ.
- Ингэж л би буурал болсон юм даа! Харгис цагдаа, хуягууд надад ухаан суулгаж өгсөн юм. Сургуульд зургаан жил суралцаж, шоронд бараг тийм хэмжээгээр суулаа. Энэ ухаанд суралцах хугацааг товчилж, оргож амжсан минь яамай....
Хоёул ядарсан үед Ян Карлович ганц өрөг шатар тоглож, "тархиа сэргээхийг" санал болгоно. Аагтай цай ууж, бэлтгэж буй "Рамзайн ажиллагааны" талаар дахин ярилцах зуур Ян Карлович зөвлөлтийн тагнуулч хүний зан төлөв, шинж чанарын тухай ярина. Шатрын хөлөг дээрх өрсөлдөөний ид үеэр Берзиний хэлсэн нэг үг Рихардын санаанаас үл гарна:
- Рихард аа, би чамд юу хэлэх ёстой вэ! Хэзээ ямагт сонор соргог байж, дайснаа тэнэг, мулгуу биш, харин их ухаантай сүрхий хүн байгаа гэж бодож явах хэрэгтэй. Дайсныг эр зориг, зүрх, овсгоо самбаа, хурц ухаанаар ялах хэрэгтэй. Ийм сургаал буулгасанд намайг уучилна биз, гэхдээ Берлинд очсон хойноо миний хэлсэн хэрэг болох вий...
Бас дахиад л шатраа дутуу орхиж, цайгаа мартаж хөргөнө. Ингэсээр тагнуулын ажиллагааны төлөвлөгөө босож, бүх зүйлийг нарийвчлан хянах л үлдэв. Аливаа зүйл бүр нь алдаж, онохын шалтгаан болж мэднэ.
- Бидний ажилд, зөвлөлтийн тагнуулын албанд эх оронч халуун сэтгэл, уужуу тайвуу ухаан бодол, сэтгэлийн их тэсвэр хэрэгтэй. Бид өндөр үүрэг хариуцлагатай хүмүүс. Бид дайныг, тухайлбал Япон Зөвлөлт Холбоот Улсын хооронд гарч болзошгүй дайныг зайлуулахыг хичээх ёстой. Энэ бол чиний бүлгийн гол даалгавар, гэхдээ Герман дахь манай дайсны төлөвлөгөөг мэдэж байх хэрэгтэй. Энэ бүхэн хэцүү бэрх, туйлын хүнд боловч хийх л хэрэгтэй. Миний хэлснийг ойлгов уу?.. гэж Берзин хэлэв.
Берзин, өөрийнхөө хэлснийг цаад хүн ойлгосон эсэхийг лавлаж асуудаг заншилтай хүн байв.
"Рамзайн ажиллагаа" тодорхой болсон хойно түүнийг тактикийн болон зохион байгуулалтын талаас нь бодож эхлэв. Юуны өмнө Германд биш Токиод нэвтрэх, тэгэхдээ Германаар дамжин нэвтрэх нь чухал байлаа. Нэг сумаар хоёр туулай буудах хэрэгтэй. Нацист үг яриагаар халхавч хийж, итгэл олох хэрэгтэй. Үүний тул Зорге худалдаа, үйлдвэрийнхэнтэй тогтоосон хуучин хэлхээ холбоогоо, бүр Хятадад тогтоосон тэр хэлхээ холбоогоо ашиглах хэрэгтэй болов. Үүнийг ажил хэрэг дээр хэрхэн гүйцэтгэх вэ? Берзин Зоргегийн авхаалж самбаа, дадлага, хашир тагнуулчинд байдаг зөн билэгт нь найдав.
Германы том сонины сурвалжлагчаар Японд очих боломж олдвол тун сайнсан. "Франкфуртер цайтунг" сонинд зарим нэг хэлхээ холбоо байгааг ашиглах гэсэн Рихардын саналыг Ян Карлович зөвшөөрч, уг сонинг ашиглахаар шийдэв. Берзин ажил байдлын талаар байнга мэдэгдэж байхыг хүсэж, ердийн холбоо хэрэглэхийн дээр хэрэгцээ тохиолдвол тусгай хүнээр холбоо барихаар тогтжээ.
Тагнуулын албаны дарга үдэн гаргахдаа, нууцын шүүгээнээс америкийн таван долларын хоёр дэвсгэрт гаргаж, нэгийг нь Зоргед өгөөд
- Нөгөөг нь манайхаас хүн очихоор сольж авах болно. Тэр хүнд надад итгэдэг шигээ итгэж болно. Намайг итгэмжлэгдсэн хүнээ явуулна гэдэгт хатуу итгэх хэрэгтэй гэжээ.
Зоргег Москвагаас явснаас хойш хоёр сар өнгөрч байхад Берзин өөрийн хүнээ илгээжээ. Рихард энэ хугацаанд юу хийснээ ирсэн хүнд ярив.
Тэр хоёр ташуу зөргөөр улам бүр өгссөөр, сүглэгэр уулын ар шилд гарлаа. Нар энд ховорхон тусдаг бололтой, ногоолин лугаа адил хар ногоон хөвд зөргийг хучжээ. Энд хүн амьтан байсангүй. Гол руу тонгойсон цавчим хясаан дээр шургаагаар бүдүүн болхи хийсэн нэгэн сандал дээр сууцгаав.
- Токиод суугаа германы элчин сайд Герберт фон Дирксенд зуучилсан захидал олж авсныг минь өвгөнд хэлээрэй. Захидлыг Людвигсхафены "ИГ Фербен" хэмээх химийн концерний захирал бичсэн юм. Тэр бол элчин сайд Фон Дирксений холын садан, түүнийг харж хандаж байдаг хүн нь. Би хятадад Шанхайн банкны үйл ажиллагааг судалж байх үедээ химийн концернд бага сага тус хүргэж байсан юм. Захирал сонины газар руу утасдсаны дараа одоо хаалга миний өмнө нээгдэх нь тэр...
"Франкфуртер цайтунг" сонины эрхлэгч либерал үзэлтэй хүн тул нацистууд түүнийг өөрчилсөнгүй үлдээжээ. Тэр хүн Зоргег уриалгахан угтан авч, Хятадын талаар асуун сонирхоод, сурвалжлагчаар ажиллах бодолтой байгааг нь сонссон даруй сониндоо ажиллахыг хүсэв.
- Ноён доктор, би таны тухай дуулсан! "Франкфуртер цайтунг" сонины газар таныг өөрийн ажилтан болоход дуртай байх болно. Таны тухай надад тун эрхэмсэг хүндэт хүмүүс ярьсан. Өөр тодорхойлолт хэрэггүй... Та ёстой цагаа олж иржээ. Токиод суугаа сурвалжлагч маань Европт буцаж ирэх хүсэлтэй, оронд нь хүнгүй байгаа юм...
Одоо Рихард Зоргегийн өмнө сонины газарт суугаа нацист намын онцгой бүрэн эрхт төлөөлөгч-амтслейтер гэдэг нэгэн том даваа байлаа. Ийм төлөөлөгч Гитлерийн эргэлтийн дараа германы бүх албан байгууллагад суух болжээ. Тэд гадаадад явагчдын найдвартай эсэхийг шийдэх тул тэдний зөвшөөрөлгүйгээр ганц алхам ч алхаж зүрхлэх хүнгүй.
Зорге амтслейтер дээр үдээс хойш оров. Ширээний ард бага зэрэг бөгтөр том эрүүтэй, таргалж эхэлж буй залуу хүн сууж байлаа. Оюутан байхдаа зодоон нүдээн их хийж явсны ул мөр болон үлдсэн нүүрэн дээрх олон сорви царайг нь хүйтэн ширүүн болгожээ. Халуун байсан тул амтслейтер "СС"-ийн китель цамцныхаа энгэрийг яржээ.
Зорге босго алхангуут "Хайль Гитлер!" гэж хашгиран гараа урагш сунган фашист ёсоор мэндчилээд, шууд ажил хэргийн талаар яриагаа эхлэв.
- Миний нэр Зорге хэмээн тэр хэлээд зөөлөн сандалд тухлан сууж,
- Веймарын бүгд найрамдах улсын завхарсан дэглэмээс болж, харь газар найман жил суув. Одоо фюрер, түүний сэргэн мандуулсан рейхэд хүчин зүтгэхээр буцаж ирлээ. Намайг Японд сонины сурвалжлагчаар явуулах саналтай байна. Яавал дээр вэ, зөвлөлгөө авмаар байна гэв.
Зорге Гитлерчүүдийн хялбар нэр томьёо, лоозон бүдүүлэг гажууд үзэл санааг сайн эзэмшсэн учир фюрерт хүчин зүтгэхийн хүслэн болсон тууштай нацистын дүрээр ярилцахад хялбар байв. Ганц цагийн дараа тэр хоёр бие биеэ "чи" хэмээн дуудаж, үдэш нь франкфуртын нацистуудын цугларах дуртай "Кайзергофт" архи, пиво уун, аягаараа ширээ тогшиж, дуу дуулалдан, еврейчүүд, коммунистуудыг харааж зүхэн сууж байлаа.
Амтслейтер хэдийгээр, улам бүр болхи бойд хөдлөх болсон ч ухаан нь нэлээд эрүүл байв. Тэр Зоргед
- Фюрерт хаанаас ч хүчин зүтгэж болно. Анд минь, чи энэ талаар бодсоны хэрэггүй... Бидэнд найдвартай хүмүүс Японд ч гэсэн хэрэгтэй... За алив уугаарай!.. Сайн сайхны төлөө! гэж хэлжээ.
Гурван долоо орчим хоноход бүх бичиг баримт бэлэн болов. Гадаадад явахаар итгэмжлэгдсэн бүх сурвалжлагчдын нэгэн адилаар Зоргег явахаас нь өмнө Геббельстэй уулзуулж өгөхөөр амтслейтер амлав. Рихард шинэ танилдаа гүнээ талархал илэрхийлээд, энэ уулзалтаас зайлсхийхээр шийдэв...
- За, миний ярих юм энэ дээ. Нөхдийн болон юуны өмнө өвгөний амрыг асуун чин сэтгэлээс мэндчилж байгааг минь дамжуулаарай. Эцсээ хүртэл албанд зүтгэнэ гэж байгааг минь хэлээрэй... Хүмүүс, давын өмнө холбоочинг түргэн ирүүлнэ шүү гэж Зорге яриагаа дуусгав.
- Заавал дамжуулна. Одоогоор Шанхайгаар дамжуулан холбоо барьж байгаарай гэж Төвөөс хэлүүлж байна лээ. Таны араас хүмүүс очно. Зарим нэг нь очоод байгаа. Таныг Токиод очмогц дохио өгнө... Зөвлөлт Холбоот Улсын талаар Японы баримталж буй бодлогыг Төв онцлон сонирхож байна гэдгийг танд дахин хэлээрэй гэж Павел Иванович хэлсэн юм. Манжуурыг эзлэн авсан үед энэ тун чухал зүйл... хоёрт...
Зоргегээс Төвийн хүлээж байгаа асуудлыг Людвиг задлан ярив.
Японы цэрэг Манжуурыг эзлэн авч, Зөвлөлтийн алс дорнод болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хил дээр тулж ирсэн явдал цэрэг-улс төрийн байдлыг эрс өөрчилж, Алс Дорнодод дайн гарах аюул өсөн нэмэгдлээ. Квантуны арми ямар янзтай байх, ямар хүчтэй, ерөөс Япон улс хуурай зам, тэнгис, агаарын цэргийн ямар хүчийг зөвлөлтийн эсрэг хаяж болохыг мэдэх нь улс орны амьдралд тун чухал байлаа. Улмаар дайны хэнээрхэлтэй генералууд засгийн эрхэнд гарахыг шургуу оролдож байгаа орны цэргийн ерөнхий чадавхи ямар болохыг мэдэх хэрэгтэй.
Тагнуулын Төв Газар цэргийн техник, эдийн засгийн асуудал сонирхоод зогсохгүй, улс төрийн асуудлыг сонирхож байлаа. Гитлер засгийн эрх авсны дараа фашистын Герман, Япон хоёрын хоорондын харилцаа хир зэрэг ойр дотно байхаас олон улсын байдал нэлээд хэмжээгээр хамаарах байлаа. Энэ хоёрын хоорондын харилцаа нь Зөвлөлт Холбоот Улсын эсрэг үзэл бодолтой тэдгээр орны түрэмгий санаархлыг хэмжих нарийн хэмжүүр болох ёстой байв.
Людвиг Төвийн удирдлагын сонирхож буй асуудлыг товч тоочив.
Дэлхийн хоёр өнцөгт, Өрнөд, Дорнодод дайны хоёр голомт илэрхий бий болов. Рихард Зорге болон түүний нөхдийн өмнө дэлхий дахиныг нөмрөн буй дайны эсрэг тэмцэж, Зөвлөлт төрийн аюулгүй байдлыг хангах үүрэг тулгарав.
- Даалгаврыг давтах уу? гэж Людвиг асуув.
- Хэрэггүй, би тогтоож авсан гэж найдаж байна. Түүнээс гадна, энэ асуудлыг бид бүр Москвад хэлэлцсэн юм гэж Зорге өгүүлэв.
Тагнуулчид өөр өөр замаар буцлаа. Зорге ойн зөргөөр явсаар хотын дээд талын хэсэгт гарч, удалгүй байрандаа буцаж ирэв. Төвөөс ирсэн холбоочин зам руу очиж, амрагчидтай нийлэв. Тэр хоёр маргааш уулзахаар болзжээ. Людвиг холбооны техникийн бага сага зүйлийг Рихардад өгөх ёстой байлаа.
Шөнөдөө тэнгэр муухайрч, өглөөнөөс эхлэн зөөлөн бороо шиврэн орлоо. Зорге, Людвиг хоёр IV Карлын хөшөөний дэргэдэх цэцэрлэг дотор уулзлаа. Эрт урьдын эрх дархтай байсны шинж тэмдэг бүхий чулуун жанчтай эзэн хааны хөшөө шиврээ бороонд бөгтийсхийсэн мэт зогсоно. Людвиг, Зорге хоёр цэцэрлэгийн нойтон зам дээр тулгаран уулзав. Рихард гал гуйн, тамхиа асаагаад, гартаа жижиг боодолтой юм барьсаар салан явлаа. Москвагаас ирсэн холбоочин, Япон руу явах гэж байгаа тагнуулч хоёр дахиад нэг ч үг сольсонгүй.
Рихард өрөөндөө орж ирээд боодолтой юмыг задалбал хүзүүний зүүлт, бугуйвч, гоёлын зүү, цагны гинжин оосор сэлт байв. Бүгд л бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн мухлагаас худалдаж авсан мэт ажээ. Бас Парисын дуурийн хяналтын талгүй, ашиглагдсан хуучин билет, гэрэл зураг сонирхогчийн авсан жижигхэн зурагны тал хэсэг, дугаар нь тасарсан германы цаасан марк, өөр бас бус юмс байв.
Рихард ахтайгаа уулзахаар хоёр хоногийн дараа Мюнхен рүү явлаа. Галт тэрэг их орой хөдлөх учир Рихард Карлсбадын дундуур сэлүүцэн явтал, Гамбургт хамгийн сүүлд ирэхэд эхийнх нь ярьж байсан гудамжны нэр анхаарлыг нь татав. Түүний эцэгтэй хувь заяагаа холбосон украин эмэгтэй эх Нина Семеновна Зоргегийнхний удам судар, хууч, домог, хайртай нандин зүйлсийг хадгалан хамгаалагч мэт байлаа. Рихардын эцэг эхийн харилцаа амьдралын болон улс төрийн үзэл бодлоор санал зөрөлдөөгүй эв найртай байх үед төрөлхийн овог нь Кобелева хэмээх Нина Семеновна Зорге Марксын хамтран зүтгэгч, Рихардын үеэл өвөг Фридрих Зоргетэй уулзаж ер байгаагүй ч захидлаар харилцан дотно болжээ. Арга буюу Америкт амьдрах болсон тэр өвгөн бэрдээ захидал бичих бүрдээ амьдрал, үзэл бодлынхоо талаар тогтмол өгүүлдэг байв. Үзэл бодол нийлэх тутам Фридрих Зорге үзэж өнгөрүүлсэн амьдрал, туршлагынхаа талаар их бичих болж, үзэл санаа нийлэн гүнээ хүндэтгэн нөхөрлөсөн Маркс, Энгельс нартай харилцсан захидлаасаа иш татдаг байв. Хоёул Бадены бослогод оролцож, бүх европын орноор тархан түгсэн хувьсгалт тэмцэлд хамтран зүтгэж байсан нь Энгельс тэр хоёрыг улам ч дотно болгожээ.
Рихард анх Зөвлөлт Холбоот улсад ирэхдээ Фридрих Зорге Карл Маркс хоёрын харилцаж байсан зарим захидлыг Маркс Энгельс-Лениний институтэд авчирч өгчээ.
Рихардын үеэл өвөг хорин таван жилийн өмнө Америкт өөд болж, эцэг нь бас аль хэдийн талийгаач болсон боловч, эх нь захидлуудыг сийлбэрт хайрцагнаа нандигнан хадгална. Тэдгээр захидлын дунд Зорге өвгөнд Карлсбадаас Марксын бичсэн захидал байх агаад шарласан дугтуй дээрх буцах хаяг байсаар ажээ.
Тэгээд одоо Рихард үеэл өвөөгийн нь дотнын их анд Найзын амьдарч байсан байшинг олж хармаар санагдав.
Зорге байрнаас гарч, голоор гаран, хотын дээд тал өөд өгсөв. Сэтгэл нь Лениний бунханд анх орсон үеийнх лугаа адил нэг л хачин болж, олон жилийн өмнө Лениний боть нээтэл Зорге гэсэн овог гэнэт тааралдсан мэт хөөрөн догдлов.
Зорге өнгөрсөн үеийн тухай бодолд автан хотын дундуур явж байлаа. Энэ нь дурсамж биш ээ. Рихард өөрийн өвөг эцгийн ахыг огт мэдэхгүй боловч, нэг үйл хэргийн төлөө хамтран зүтгэгч нэгэн санаат талийгаачийг гүнээ бишрэн хүндэтгэх сэтгэл төрж, үзэл санаагий нь залгамжлан яваагаа онц тодорхой ухамсарлан ойлгов. Ийнхүү өнгөрсөн зууны олон улсын коммунистуудын аугаа их ах дүүгийн барилдлагаатай санаа нэгдэхэд эх нь нөлөөлжээ. Эхийн ач тус тун их бүлгээ. Тэр гэрийн доторхи хоёр үе буюу Фридрихийн үе Рихардын үе хоёрыг холбон үндэс угсааг үргэлжлүүлэгч нь байв.
Америкийн бүрэн эрхт иргэн болсон Фридрих Зорге, түүний нөхөд Германтай холбоогоо огтхон ч тасалсангүй харилцаж байсан явдал юм. Тэд олон арван жил харилцжээ. Фридрих Зорге тэдгээр захидлыг амьдралынхаа турш нандигнан хадгалж байгаад, нас барахынхаа өмнөхөн нийтлүүлжээ.
Рихард тэдгээр захидлыг германд болон Лениний бичсэн өмнөх үгтэйгээр орост хэвлэгдэн гарахад уншжээ. Үүнээс өмнө эхийн ярианаас их зүйлийг дуулж мэдсэн байв. Олон жилийн өмнө эх нь хүүдээ Маркстай харилцаж байсан сүүлчийн жилүүдийн тухай дурссан Фридрихийн захидлыг үзүүлжээ.
Бас нэг захидал Рихардын санаанд оров... Өвгөний гэрт юм бүхэн бүтэлтэй байсангүй, хүүгийн нь хувь заяа сэтгэл зовоож байв. Адольф ёстой л америкийн залуу худалдаачны хэв шинжийг өвлөн, төрсөн эцэг, ах нарынхаа үзэл бодолтой, Өмнөдийнхөнтэй дайтсан Умардын тэмцэлд, бас хувьсгалд оролцож явсан хүмүүсийн үзэл бодолтой нийлэх юм юу ч үгүй хүн болон өсөв. Гэр бүлийн дотор эв түнжин хагарав. Арван есдүгээр зууны сүүлчээр өвөө Энгельст бичсэн захидалдаа сэтгэл гонсгор байдлаа илэрхийлж, Адольф Европ руу явах бодолтой, одоо инженерээр ажиллаж байна гэж бичжээ.
Рихард энэ тухай бодоод, өөрийн эрхгүй инээмсэглэв. Биеийг нь төрүүлэхээс санаагий нь төрүүлдэггүй гэдэг энэ буй заа! Өвөө нь хүүгээ худалдаачин болж, хувьсгалаас хол хөндий хүн болсонд сэтгэл зовнин ихэд харамсаж байлаа. Гэтэл Рихардын эцэг үйлдвэрийн эзэн-худалдаачин болгох гэсэн хүүгээ өвөг эцгийн замаар хувьсгалч болсонд бас харамсан гонсойжээ. Эх нь хүүгийнхээ талд байв...
Рихард ийнхүү бодолд дарагдан, хэрэгтэй гудамжаа эрэн хотын дундуур яаралгүй алхав. Тэр эрсэн гудамжаа, Марксын сууж байсан гулдан цонх, чулуун мансард бүхий баганат өндөр байшинг олов. Одоо энэ байшин хөлсний байр хэвээр ажээ.
Рихард байшингийн үүдээр өнгөрч, гудамж өгсөн явснаа, гэдрэг буцав. "Юуны тул ийн явна вэ? Энэ байшинг олох хэрэг байв уу? Гэнэн хонгор романтик сэтгэл биш үү?" гэсэн бодол гэнэт төрж, "Тийм ээ, романтик сэтгэл!.. Өнгөрсөн ба одоог хадгалагч! Хувьсгалт уламжлалыг хадгалагч!" хэмээн өөрөө өөртөө хариулав.
Рихард өвөг эцгээрээ, өөрийнх нь ертөнцийг үзэх үзлийг тодорхойлж өгсөн хүмүүстэй тогтоосон нөхөрлөлөөр нь бахархав. Бага Зоргегийн үзэл бодол шууд бүрэлдэн тогтсонгүй. Рихард Зоргегийн хувь заяаны талаар эцэг, өвөө хоёрын нь тэмцэлдээнд Орос дахь Маннесман, Круипын пүүсийн төлөөлөгч, ажил хэрэгч худалдаачин дийлж болох байсан боловч энэ хэрэгт олон зүйл саад болсны дотор гол нь амьдрал, дайн, хувьсгал, өвөө болон түүний ах дүү нартай олон жилийн тэртээгээс Рихард эчнээгээр танилцсан явдал байлаа...
Рихард ээжийгээ хайрлан дурсаж, Гамбургт заавал очиж уулзахаар шийдлээ. Эс тэгвэл хэзээ дахиад уулзалдах юм билээ.
Цагаа харвал, хангалттай хугацаа байвч, өртөө рүү явахад эртэдхээргүй болжээ...
Рихард Зорге сарын дараа 1933 оны есдүгээр сарын 6-нд Ёкохамад очлоо. Ялимгүй доголсоор шатаар дамжин, олон хэлний хүн бужигнасан боомтын эрэгт хөл тавилаа.
Зорьж ирсэн Япон улс энэ ажээ..

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 6:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
РАМЗАЙ ТЭРГҮҮН ШУГАМ ДЭЭР ГАРЧ ИРЛЭЭ+

Рихард Зорге Токиод ирээд эхний хэдэн сар "Империал" зочид буудалд хүрэхгүй ч, тохилог сайхан буудлын тоонд яриангүй ордог, дунд чинээний "Санн-отель" буудалд суув. Японы янз маягаар зассан жижиг давчуу өрөөтэй зочид буудлын цагаан байшин шуугиант Гинзаас зайдуу орших боловч буудалд суугаа хүн хотын төвөөс алслагдан тасарлаа гэхээр тийм ч холгүй ажээ.
"Санн-отельд" Японд богино хугацаагаар ирсэн үйлдвэр, худалдааны хүмүүс, жуулчид, цэргийнхэн зэрэг дунд чинээний зүсэн бүрийн мэргэжлийн хүмүүс бууна. Чухамхүү ийм буудал л Японд анх ирсэн, уншигчдын дунд нэр хүнд хараахан олж амжаагүй сэтгүүлчид илүү тохиромжтой байлаа.
Нэгдүгээр давхарт, зочдын уудам саруул танхимын дэргэд жижүүр өөрийн гол таних тэмдэг болсон "морь уралдуулах" тоглоомын дугуй шиг дугаарласан түлхүүрийн тавиур, ирэгчдийг бүртгэх том дэвтэр, зоогийн газрын босоо сандалтай төстэй гялгар тавиур дээрх олон харилцуур утасныхаа хамт байрлажээ. Торгон тасамтай даргар саравчтай малгай өмссөн ачаа тээш зөөгч тусархаг хүүхдүүд дэргэдүүр үймэлдэн, буудалд байрлагчдын аливаа хүслийг агшин зуур гадарлан мэдэж биелүүлнэ. Энд бас нэг хүн байнга байрлан суудаг байв. Тэр хүний гадаад байдал нас сүүдрийг тодорхойлж хэлэхэд бэрх. Өглөө бүр Зоргег доош тавиурт түлхүүрээ тавихаар очиход энэ хүн нэг бол жижүүртэй уужуу тайван ярилцаж, нэг бол ирэгчдийн бүртгэлийн дэвтрийг маш анхааралтай эргүүлж байдаг байв. Тэр хүн Зоргетэй эелдгээр мэхийн мэндлээд, дараа нь явсан газар бүрт нь ил цагаан дагана. Зоргег германы элчин сайдын яам, ресторан, шөнийн клубийн үүдэнд хэдэн цагаар хүлээн зогсож, дараа нь зочид буудалдаа хүртэл нь дагасны эцэст сая шөнө дөл болсон хойно алга болоод маргааш нь өглөө эрт дахиад л албандаа ирсэн байна.
Энэ бол гадаадын хүн буюу сэжигтэй японуудад дагалдуулан тавьдаг, цагдаагийн газрын "инү" буюу орчуулбал "нохой" хэмээх мэдээлэгч ажээ. Тэр дуугарахгүй, эелдэгхэнээр, юу ч асуухгүй, юунд ч хажуунаас оролцохгүй сүүдэр мэт дагаж, гагцхүү харгалзан яваа хүнийхээ юу хийсэн, хаана очсоныг цээжиндээ тогтооно. Рихард олны дотор бараа алдарч, шоргоолжны үүр шиг олон сая хүнтэй их хотын нөгөө захад таксигаар хагас цаг яваад дөнгөж буухад бас л ард нь дагасан хэвээр байх нь нэн гайхалтай.
Хувцас муутай энэ хүнийг заримдаа нэгэн нүүрэмгий залуу, заримдаа хүүхэд үүрсэн эмэгтэй орлодог байв. Заримдаа өөр хүмүүс ирж хэнэггүй царайлан дэргэд эргэлдэнэ. Хэд хэдэн удаа өрөөгий нь яаруу сандруу нэгжиж, чемодан уудлаад, юмыг нь байсан газраас нь өөр газар тавьсан байхыг Зорге мэдэв. Харилцах утасны дамрын дор яриа чагнах жижигхэн микрофон тавьсныг Рихард илрүүлэв...
Энэ бол сэжигтэй бүх хүнийг мөрдөн тагнах түгээмэл систем бүлгээ. Гаднаас ирсэн хүн бүрийг сэжиглэдэг байв.
Рихард цас, бороо холилдон орж, хүчтэй салхи шавхуурдсан өвлийн нэгэн хүйтэн өдөр өөрийн хүлцэнгүй дагуулыг өрөвдөв. Олон сэтгүүлч шуугилдан нийлж, Гинза дахь германы зоогийн газар "Рейнгольдод" очихоор Кетелийн зүг оджээ. Зорге энэ завсар олон сэтгүүлч, элчин сайдын яамны ажилтнууд, тэр үед хоёр мянга гаруй хүнтэй байсан германы цагаачлан ирэгчдийн заримтай танилцаж амжжээ. Тэд шинэ ирсэн сэтгүүлчид токиогийн амьдралыг дуртайяа танилцуулж, үдэш оройн цагаар цайны газар, япон гуанзаар дагуулан явах боловч байцаан хачиртай зайдас идэж, вааран аягатай бавар нутгийн пиво "хох!" гэж хашгиралдан тулган ууж, санаанд орсныг зоргоор чалчиж суух боломжтой герман зоогийн газрыг илүүд үздэг байлаа.
Үдшийн бүрий болж, шигүү өлгөсөн өнгө өнгийн бөөрөнхий дэнлүү, гэрэлт олон хаяг асаж унтрах япон үсэг бүхий жижиг гудамж руу орох үес лавшин орох цасны ширхэг дундаас гудамжны хоёр талын хана фосфоржсон мэт харагдана. Зорге нөхдөөс ялимгүй хоцорч мэдээлэгчтэй зэрэгцэн алхав.
- Нэр чинь хэн бэ? гэж асуусанд
- Хирано гэв.
- Хирано, чи их даарсан бололтой гэж хэлээд Зорге, түүний муу шаахай, нимгэн пальто, нүцгэн толгойг харж
- Би Кетелийнхээс арван цагаас нааш явахгүй. Би чамд амлая. Тэр болтол явж дулаац, сакэ уух юм уу юу дуртайгаа хий... Май! гээд мэдээлэгчийн гарт хэдэн жижиг мөнгө атгуулав.
Хирано дарсны том торхны хэлбэртэй пүнхэр хаалганы өмнө тээнэгэлзэн холхисноо, гудамжаар хөндлөн гарч, толгойд нь хоовон хар малгай өмсгөсөн загасны хөгийн чихмэл дүрсийг дэнлүү мэт үүдэнд нь өлгөсөн гуанз руу оров. Гэзэг шиг модойтол сүлжсэн багц өвс тотгоноос дүүжилсэн нь шинэ жилээр ад шулмыг хөөн зайлуулах гэж ингэдэг заншилтай ажээ. Хирано сахиусанд гар хүрч, муу явдлаас хамгаалахыг сүслэн залбирав. Цагдаагийн газрын мэдээлэгч, босоо хөмсөгтэй энэ европ хүнд бүрэн итгэж чадахгүй байв... Гэлээ ч хүйтэнд гадаа хорчийж зогсох хүсэл байсангүй...
"Кетель аав" хэмээх гуанзны эзэн бол дэлхийн нэгдүгээр дайны дараа Японд шингэсэн германы цэргийн олзлогдогч юм. Эхэндээ эх орон, ар гэрийн зүг тэмүүлж байснаа, байрны эзэгтэйтэй гэрлэж, хувийн гуанз нээгээд, үр хүүхэдтэй ч болж, Германд буцах гэхээ бүр больжээ. Гэхдээ Кетель аав өөрийгөө эх оронч хүнд тооцох бөгөөд гуанзны доторхи бүх зүйл "Рейнгольд" хэмээх нэрнээс эхлээд, нүүрэн талын дарсны торхнууд, хоол зөөгч япон хүүхнүүдийг гоёсон макленбургийн гоёмсог банзал, өнгө өнгийн хормогч хүртэл цөм германых. Энд голдуу германууд цугларах бөгөөд Зорге Кетелийнд анх удаа ирж байгаа нь энэ биш ээ.
Цаг дорхноо зугаатай өнгөрч байлаа. Рихард инээдэмтэй зүйл ярьж, жилийн өмнө сууж байсан Хятадын талаар ярив. Тэгтэл нэг хүн саяхан Хятадаас дэд хурандаа Отт ирсэн, таних уу? гэв. Дэд хурандаа Отт? Үгүй ээ, дуулаагүй юм байна. Чан Кайши олон зөвлөхтэй байсан... Зорге дэд хурандаагийн талаар сонирхоогүй дүр үзүүлэн хариулж байвч, дотроо, Мүгдэнд байхад сонсож байсан нөгөө Отт биш биз? гэж бодов. Генерал Сектийн ивээлд байдаг тагнуулч. Сонирхолтой!
Хүмүүс явахаар босоход, Зорге цагаа хараад, гараа өргөн
- Ноёд оо, явахаа түр азнаач! Намайг бүү ганцаар орхи. Би зан сайт Кетелийнхаас арван цагаас нааш явахгүй гэж ам өчгөө өөрийнхөө тагнуулд өгсөн юм. Тэр намайг ёстой тагнуулчийн араас дагах мэт дагаад байгаа юм. Хэлсэндээ хүрэх хэрэгтэй. Кетель аав, миний мөнгөөр бас нэг нэг аягалчих!.. гэв.
"Рейнгольдоос" орой болсон хойно гарч, арай доод зиндааны "Фледермаус" буюу "Сарьсан багваахай" хэмээх нэртэй бас нэгэн герман зоогийн газар очив. Эндхийн байнгын зочид цайртал нь хусаж цэвэрлэсэн модон ширээний ард үйлчлэгч хүүхнүүдтэй ярилцан суух нь тамхины саарал утаан дундаас бүдэг бадагхан харагдана. Кимоно өмсөж, үсээ овойлгож хүүхнүүд нүүрээ цайтал оодож энгэсэгдсэн нь шаазан хүүхэлдэйг санагдуулна.
Мэдээлэгч Хирано "Рейнгольдын" үүдэнд Зоргег хараад сэтгэл уужран санаа алдаад, цаашид нүд салгалгүй дагав. Гэлээ ч Рихард Зорге энэ өдөр Төвд мэдээ явуулж амжив. Түүний бичсэн нь:
"Би үүнээс хойш байнгын харуул, хяналтаас айх юмгүй. Тэднийг нэгбүрчлэн танихаас гадна хэрэглэдэг арга барилыг нь мэдэх учир цөмийг нь төөрөлдүүлж чадна гэж бодож байна..."
Рихард энэ мэдээндээ, өөрийн анхны алхам, ажил төрлийн уулзалдаан, хүмүүсийн хуваарилалтын талаар дамжуулж, "Висбаден" буюу Владивостоктой найдвартай холбоо тогтоож чадахгүй байгаагаа сэтгэл зовнин мэдээлжээ.
Рихард байнгын мөрдөлт мөшгөлтийн дунд ажилд орохыг яаралгүй, юу болохыг харж, "яарахгүй байхыг" захисан Берзиний үгийг санаж байв. Гэвч гараа хумхиж суусангүй. Чухамдаа Японд өргөн дэлгэрсэн, хүн нэг бүрийн араас даган мөрдсөн энэ хяналтын арга Зоргегийн ажил явдалд зохих хэмжээгээр дөхөм үзүүлсэн нь гайхалтай. Японы сөрөх тагнуулын газар-Кэнпэйтай, хүн бүхнийг хавтгайруулан мөрдөж, хүчээ тараан цацаж, нууц төлөөлөгчдөө илгээхдээ хэн нэг хүнийг хардаж сэрдсэндээ биш, ерөөс тийм журамтай юм байна гэсэн багагүй ач холбогдолтой дүгнэлт хийв. Тэгэхээр энэ мөрдлөгийн өөдөөс маш өвөрмөц, нарийн хянуур ажиллаж, хэн нэг тодорхой хүнийг барих гэсэндээ биш, юмыг яаж мэдэх вэ гэж тавьсан урхинд санаандгүй орчихгүй байх хэрэгтэй байлаа.
Рихард "нэр олж авахын тул" эхний саруудад "Франкфуртер цайтунг" сонин болон том том зурагт сэтгүүлүүдэд их юм бичиж, дипломатууд, худалдаа, үйлдвэрийнхэн, улс төрийн бодлоготнууд, жүжигчид, цэргийн эрхтэн түшмэдийн дотор танил талтай болов... Гэхдээ нэг хүнтэй огт уулзалдаж чадахгүй байв. Энэ бол байгаагий нь сайн мэдэж байсан, тэр ч байтугай олон сурвалжлагчийн ажлын өрөө байдаг Баруун Гинза дахь Хэвлэлийн ордонд хальт дайралдсан францын сэтгүүлч Бранко Вукелич ажээ. Тэр Зоргегээс хагас жилийн өмнө Токиод иржээ. "Рамзайн" удирдлагаар ажиллах ёстой гэдгийг мэдэж байвч, тэр нь чухам хэн болохыг үл мэднэ. Хоёул уулзаж учрах боломж олдох аятай нөхцөлийг тэвчээртэй хүлээв. Зорге дохио өгөх ёстой боловч үл яаран, Вукеличийн араас мөрдөж байгаа эсэхийг тандаж байв. Тэр яльгүй ч гэсэн зүрх гаргаж, өөрийн туслахтай уулзах уулзалтыг их ач холбогдолтойд үзэж байлаа.
Яс үндэс серб гаралтай, эрдэм боловсрол сайтай, сэхээтэн Бранко Вукелич францын Гавас хэмээх цахилгаан мэдээний агентлагийг Токиод төлөөлж байсны дээр Парисын "Амьдрал" сэтгүүл, "Белградын Улс төр" сонинтой байнгын харилцаатай байв. Гонзгойвтор царайтай, бие галбир үзэсгэлэн гоо, ялимгүй гээдэн толгойтой, нас залуувтар тэр хүн Токиогийн хамгийн авьяаслаг сурвалжлагчийн нэг гэж алдаршжээ. Төвийн даалгавраар нууц байгууллагын бэлтгэл хангахаар Токиод гучин тавтай иржээ. Чөлөөнд гарсан серб офицерын хүү Бранко Вукелич Загребийн их сургуульд суралцаж байх үед Хорватын тусгаар тогтнолын төлөө чөлөөлөх хөдөлгөөн орон даяар өрнөжээ. Тэр үед Бранко Вукелич хорин настай байхдаа, их сургуулийн дэргэдэх марксч бүлэгт орсон байжээ. Тэр жагсаалд оролдон, ухуулах хуудас бичиж, нууц сонин тарааж, хурал цуглаан дээр уг хэлж хувьсгалын ажилд нэгэн үзүүрт сэтгэл барин хүчин зүтгэж байсны учир орон даяар баривчлалт эхэлмэгц хамгийн түрүүн шоронд оров. Шууд ул мөргүй учир удалгүй суллагдсан боловч Хорватад үлдэх нь аюултай тул анхны бололцоо олдмогц Парис руу явжээ. Ингэж гадаадад хэрэн хэсүүчилж, цалин хөлс эрсэн жилүүд эхэлсэн боловч Бранко амьдралын аливаа хүнд бэрхшээлийн үед ч Сорбоны хууль цаазны факультетыг орхисонгүй. Уран барилгыг зориуд орхиж, хууль цаазны ухаан сонирхох болов. Тэр үед хөрөнгөтний хууль зүйг ч гэсэн дагаж мөрдөж чадвал хүний сайн чанар, наад захын эрх чөлөө, өөрийн үзэл бодлоор амьдрах эрхийг хамгаалж болно гэсэн залуу насны гэнэн хонгор бодлоосоо салж чадаагүй байжээ. Дарлал мөлжлөг дээр үндэслэсэн шударга бус энэ хорвоогийн юмс залуу цагийн хүсэл мөрөөдлөөс нь өөр болохыг жил ирэх тутам тод томруун ойлгосоор байлаа. Хүмүүс нь өөр хуулийн дагуу амьдарч, өөр дэг журам ноёрхсон орны тухай улам бүр бодох болов. Тэнд хуучин нийгмийг таягдан хаяж, шинэ нийгэм байгуулжээ. Залуу серб Бранко Вукелич Зөвлөлт Холбоот Улс хэмээх орныг толгой бөхийн хүндэтгэх болов.
Бранко сэтгүүлчийн болон утга зохиолын ажилд хүчээ сорилоо. Хэд хэдэн хэл мэддэг нь амжилт олоход дэм болжээ. Заримдаа өөр улс орноор, тухайлбал Дани зэрэг гадаадын орноор явдаг байв. Тэгж яваад Копенгагенд социал-демократ намын харьяаны биеийн тамирын нийгэмлэгт танилцсан тамирчин дани хүүхэн Эдитийг дагуулсаар Парист эргэж иржээ. Эдит коллежид биеийн тамирын хичээл зааж одон бөмбөг маш сайн тоглодог байлаа. Бранко Вукелич түүнтэй анх тоглоод, хэдий өөрөө сайн тоглодог ч, Эдитийн уян налархай, сайхан хөдөлгөөнд сэтгэл хөдлөн сүжирчээ. Эдит бол далайн боомтод байдаг чулуун суурьтай, Андерсены үлгэрийн лусын дагины хүрэл баримлыг санагдуулам хонгорхон бүсгүй байв. Хоёул одон бөмбөгийн талбайгаас тэнгисийн эрэг даган буцах замдаа хүүхний энэ гоо сайхныг Бранко өөрт нь ярьжээ. Тэд долоо хоногийн дараа эр эм бололцож, баярлаж хөөрсөн Бранко өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүнд тооцон байв.
Тэр үед Зорге энэ орчим, Скандинавт ажиллаж байсан боловч Бранко тэр хоёр бие биенээ үл танина...
Уран зураач Мияги Иотокү Японд, энэ удаа Токиод буцаж ирэхдээ яг гучин настай байлаа.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 6:18 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
...Гудамжинд шинэ жилийн баярын зугаа цэнгэл үргэлжлэн, анд нөхдийн уламжлалт айлчлалт, уулзалт хараахан шувтраагүй байсан 1934 оны нэгдүгээр сарын нэгэн өдөр "Асахи Шинбүн" сонины газар уран зураач Мияги орж ирээд хятадын асуудал хариуцсан тоймч ноён Озаки Хозүми хаана байгааг асуужээ. Уран зураачийг нэгэн тусархуу зарц дээш дагуулан гарч сонины газар гэхээс гарааштай илүү төстэй, бүхэл бүтэн нэг давхрыг эзэлж, олон арван ширээ, сандал, шүүгээ дүүрэн тавьсан уудам том танхимд авчрав. Энд, өрөгч машины пижигнэх чимээ цууриатан сониныхоо ээлжит дугаарыг гаргаж буй олон ажилтны дуу шууг уусган дарах бүлгээ.
Зарц ширээ сандлын хоорондуурхи нарийхан зайгаар Миягийг дагуулан явсаар европ хувцастай, өргөн нүүртэй япон хүний ширээний өмнө ониж зогсов. Тэр хүн уншиж байсан дардсаа хажуу тийш тавиад босож ирэв. Зарц буцаж, Мияги уламжлалт ёсоор мэхийн мэндлээд,
- Озаки-сан, таны танил америк ноён Жонсонтой уулзахыг хүсэхсэн болов уу гэдгийг танаас мэдэж өгөөч гэж надаар хэлүүлсэн юм... гэж өгүүлэв.
Озаки зураач өөд хянамгай зэрвэсхийн харснаа тус тусын ажлыг оролдон завгүй байгаа мэт ажилладаг нөхдөө хараад,
- Нэг тийшээ хамт явж, үдийн хоол идье. Би их өлсөж байна... гэж хариултын оронд хэлэв.
Тэр хоёр гадагш гарч "Империал" буудлын зэргэлдээх газар доорх давхрын нэгэн гуанзанд орж хоол зөөгчийг захиалга хүлээж авсны дараа Озаки:
- Та тэгээд ноён Жонсоны тухай юу хэлэх гээ вэ? Японд ирчихээд байгаа хэрэг үү? гэж асуув.
Жонсон Японд байгаа, Озаки-сан тантай сайхан харилцаагаа сэргээх хүсэлтэй байна гэдгийг Мияги тайлбарлав.
- Би ирэх ням гаригт Нара орох бодолтой байгаа. Эндээс холгүй, галт тэргээр хэдхэн цаг яваад л хүрнэ. Тэнд, за яахав, арван цагийн алдад Их Будда бурхны баримлын хавилцаа хүрлээр цутгасан лянхуа цэцгийн дэргэд уулзвал зүгээрсэн. Тэр хүний санаанд энэ нийцвэл ирнэ бизээ.
Би баараггүй тэнд очно гэдгийг ноён Жонсонд уламжилна уу... гэж Озаки хэлэв.
Энэ болсон ярианы тухай зураачийн ярьсныг Вукелич ярихад, Рихард дуу алдан
- Мэдэж байна. Хозүмийг мэдэж байна, нээрэн шүү! Тэр хүн бидэнд тусалбал та бид ажил хэргийнхээ талыг бүтээлээ гэж би батлан хэлье... Тийшээ явдаг хэрэг! Тэр тусмаа би замдаа Нагоягаар түргэхэн дайраад гарах боломжтой болох нь. Тэнд бас сонирхолтой уулзалт болж ч магадгүй гэж хэллээ.
Зорге бямба гаригт шөнийн галт тэргээр Японы эртний нийслэл Нара орохоор гарав. Мод цэцэрлэг, сүм дуганы энэ хотын тухай Рихард олонтаа сонсож, их зүйл уншжээ.
Нарад галт тэрэг шөнө орой болсон хойно хүрсэн боловч Рихард зочид буудалд буун нойроо авч амжаад, өглөө эрт гадагш гарав. Өвлийн гэмээргүй, цэлмэг дулаахан өдөр болж, Зорге пальтогүй гарав. Их Буддагийн сүм рүү очих зам цэцэрлэгт хүрээлэнгийн дагуу агаад худалдаачид энд майхан асраа аль хэдийнээ зээглүүлэн босгож, бэлэг дурсгалын зүйлс зайгүй дэлгэн тавьжээ. Тойрон аялагчид ч мөргөлчид шиг нэгэн зүг цуварна. Сүмийн хавиар амьдрагч тэжээмэл буга хүмүүсийг даган хошуурна. Ариун амьтан гэгдэх тэдгээр буга зорчигчдын дундуур зоргоороо зүтгэн шургаж эвэргүй духаараа нудчин анхаарал татаж, идэх юм нэхнэ. Бугын тэжээл худалдаачид хүрэн бор өнгийн уурган боов шалмаг худалдаалан, буга хүмүүсийн сунгасан алган дээрээс хатсан нимгэн хальсыг эржгэр дулаахан хошуугаа цорволзуулан байж авч иднэ.
Буга дагуулсан хүмүүс цаашлах тутам улам олшров. Зорге хүмүүсийн дундуур шахцалдан зүтгэсээр кассанд хүрч, билет худалдан аваад Буддагийн хуучин сүмийн хашаанд оров. Тийм нүсэр атлаа тэнгэр өөд дүүлэх гэж буй мэт сэнслүүр хөнгөхөн санагдах мянган жилийн тэртээх энэ сүмийн нүдний урд дэлгэгдэх сүр, үзэсгэлэнгийн өмнө Зорге зогтусан мэлрэв. Дорно дахиныг судлагч эрдэмтэн хүний адил сонирхол нь татагдан, эртний суут бүтээлийг цаглашгүй удаан бясалган харж зогсоход бэлхэн байвч цагаа хараад яаравчлав. Озаки өөрийг нь ойрхон хүлээж байгаа билээ.
Зорге шигдэмхий жижиг хайрган дундуур явсаар сүмийн ёроолд хүрч, өргөн шатаар өгсөн, дотогшоо оров. Өөртөө санаандгүй цочир, үзэсгэлэн сайхан шинэ юм нээн олсон эрдэмтэн хүний зүрх цохилон хөөрөх мэт сэтгэл дахин төрөв. Буддагийн сүр хүчин төгөлдөр дүрс, түүнээс ялимгүй дээш болон болгоомжилсон, амьд хүнийх мэт гар нь бишрэл гайхал төрүүлнэ. Нэр үл мэдэгдэх нэгэн уран барималчийн хүрлээр гайхалтай сайхан уран цутган хийсэн тэр баримлын дэлгэсэн алга, босоо хүний дайтай урт том хурууны үе нугалаасны хээ бүхэн тодхон харагдах ажээ...
Энд юм бүхэн хосгүй аварга том тул орчин тойрныхоо юмсыг өсгөгч шидэт шилээр харж байгаа мэт хүмүүст санагдана. Ийнхүү эндхийн бас л хүрлээр цутгасан цэцэг, уснаас цухуйж буй амьд юм шиг лянхуан навч сэлт цөмийг олон дахин томсгон барьсан ажээ. Өөрийг нь хүн дуудахыг Зорге эхлээд сонссонгүй.
- Ноён Жонсон гэж дахин дуудав.
Рихард эргэж харвал, Озаки инээмсэглэж гар сунган зогсож байлаа.
- Би доктор Зорге байна... Та хүн андуураагүй биз? гээд Рихард Озаки Хозүмийг соньжин ширтэв.
Озакийн нүднээ агшин зуур эргэлзэл төрөв.
- Тийм, тийм, доктор Зорге, доктор Зорге. Та миний хувьд байгаа янзаараа үүрд хэвээр байх болно гэж тэр хэлэв.
Озаки өөрийг нь хэрхэн угтах бол гэж Зорге ихэд бодож, ийнхүү шалгаж сорьжээ. Озаки эргэлзэлгүй, цөмийг хүлээн авав. Тэр гар сунгасан хэвээр. Рихард ямар ч үгнээс илүү их юм хэлж өгсөн энэ гар барилтыг бас халуун дотно гар барилтаар хариулав.
- Ингэж уулзсанд би маш баяртай байна. Хар даа, ямар сайхан лянхуа вэ!.. гэж Озаки хэллээ.
Тэр хоёр Буддагийн урлагийн тухай ам халан ярилцаж Буддагийн баримал, лянхуа цэцгийн хүрэл навчны дэргэд яах гэж ирснээ мартсан юм шиг байлаа. Тэд яриагаа үргэлжлүүлсээр сүмээс гарч, зүүн тийшээ эргэн зулын чулуун цөгцнүүд дагасаар цэцэрлэг рүү орсон хойно Озаки сая,
- Доктор Зорге та надтай ярилцах гээ юү? гэж асуув.
- Тийм ээ. Надад таны туслалцаа хэрэгтэй байна гэж Рихард хариулаад, илэн далангүй, шууд ярихаар шийдэж
- Би таны ямар үзэл бодолтойг мэддэг байсан, зөвшөөрдөг ч байсан. Таны тэр үзэл бодол өөрчлөгдөөгүй болов уу гэж найдаж байна. Та миний мэддэгчлэн, дайныг үнэн голоос үзэн яддаг тэр хэвээрээ юу? гэв.
- Хэвээрээ байлгүй яахав!.. Түүгээр ч барахгүй Танакагийн меморандум байгаа гэдэгт итгэдэг болсон. Шанхайд та бид хоёр маргаж байснаа санаж байна уу? гэв.
Японы ерөнхий сайд Танакагаас эзэн хаандаа өргөсөн нууц меморандум бичгийг Хятадад нийтэлсэн үед Озаки Хозүми тийм бичиг бий гэдэгт эргэлзэж байжээ. Япон генералын тавьсан санал дэндүү эрээ цээргүй, улаан цайм байлаа. Энэ баримт бичгийг хулгайлсан түүх адал явдлын зохиолд гардаг шиг хэтэрхий нууцлаг нь эргэлзээ төрүүлж байв.
Рихард өгүүлрүүн:
- Би меморандумын "Ойрын ирээдүйд хойт манжуурт манайхны орсноор Улаан оростой зайлшгүй зөрөлдөөн гарах болно" гэсэн хэсгийг сайн санаж байна. Та санаж байна уу? Миний бодоход энэ аюул одоо улам нэмэгдлээ. Фашистын Герман олон улсын тавцан дээр гарч ирээд, милитарист Японтой холбоо тогтоохыг эрэлхийлж байна. Ийм холбоо сайн зүйл ер авчрахгүй. Би өөрөө дайны гамшгийг биечлэн амссан, дайны эсрэг тэмцэлд амьдралаа зориулж яваа хүний хувьд дайн дахин гарахыг хүсэхгүй байна. Юуны өмнө Япон, Зөвлөлт Холбоот Улсын хооронд дайн гарах явдлыг зайлуулах хэрэгтэй. Озаки-сан, та энэ талаар надад тус бол! Дайн гарвал Орост ч, Японд ч муу болно! Би тантай илэн далангүй ярилцаж танаас зөвшөөрсөн, эсвэл татгалзсан түс тас хариу хүлээж байна. Хэрэв та татгалзвал би гомдохгүй гэж Рихард ярьснаа,
- Таныг албадаж ятгахгүй гэж залруулан хэлэв.
Тэд шороо овоолон далагнаж хийсэн гүүрээр жалганы нөгөө талд гарав. Саглагар ногоон аварга том модод тэнгэр өөд тэртээ дээш цоройн ургаж түүний доорх агаар ч бас нов ногоон мэт санагдана. Озаки гүн бодол болон алхаж, Зорге түүнд саад эс бодно. Тэгснээ Озаки:
- Та миний юу бодож байгааг мэдэж байна уу? Бид уулзмагц урлагийн тухай, сүмийн тухай, манай яруу найргийн тухай ярилцсан. Би дандаа энэ л сэдвээр ярихыг дээр гэж үзэхсэн. Гэхдээ бас дайны тухай ч ярилцлаа. Дайн үүсвэл урлаг, эртний сүм дуганыг устгаж, шүлэг ч хэрэггүй болно. Учир нь улангассан зүрхэнд яруу найраг нэвтрэхгүй, Би урлагт дуртай, энэ бүхэнгүйгээр аж төрж ч чадахгүй. Тийм болохоор би юуны урьд дайны эсрэг тэмцэх ёстой. Би өөрийгөө Япон эх орныхоо эх оронч хүн гэж үздэг. Тийм учраас би таны гуйсныг зөвшөөрнө гэдгээ танд хэлье! Тийм ээ, би танд туслахад бэлэн байна гэж хэлэв.
Тэр хоёр цэцэрлэгт хүрээлэн дундуур удтал зугаалан явж янз бүрийн юм ярилцана. Гэхдээ гол зүйлээ ярилцжээ. Энэ хоёр хүн ийнхүү хувь заяагаа үүрд холбов.
Зорге Нарагаас түрүүчийн галт тэргээр буцаж, Озаки Хозүми өөр сүм үзэхээр цааш хөдлөв. Тэд Токиод дахин уулзахаар болзжээ. Эхний үед Миягигээр дамжуулан холбоо барьж байхаар тогтов.
Рихард хоёр цагийн дараа, гэгээтэй байхад Нагояд ирж, дэд хурандаа Оттын хэлсэн зочид буудалд буугаад танилаа утсаар тэр даруй эрж эхлэв. Отт гол төлөв япон цэргийн хорооны хуаранд суудаг бөгөөд эхнэрээ ирэхэд зочид буудалд шилжиж байрладгаа урьдчилан хэлсэн ажээ. Эхнэр нөхөр хоёр буудалд байнга суухад зардал ихтэй, тийм их бэл бэнчингүй тул нэлээд тооцоотой амьдардаг байв.
Эйген Оттой долоо хоногийн өмнө элчин сайдын яаманд санаандгүй танилцжээ. Зоргег элчин сайдын яамнаас гарч явах үес Эйген Отт машинтай иржээ. Дэргэд нь түүний эхнэр Хельма Отт хатагтай сууж явсан нь нуруу өндөр, их ганган хувцасласан, хурц улаанаар будсан нимгэхэн уруултай, дунд зэрэг насны хүүхэн байлаа. Залуувтар царайд нь өтгөн буурал үс нь харшилна. Тэр царай Рихардад гайхалтай танил байвч хаа үзсэнээ огтхон ч эс санав. Дараа нь Германд уулзалдаж байсан нөгөө Хельма байна шүү дээ гэж гэнэт санаанд нь оржээ. Энэ хүүхэн бүр Франкфуртад байхад Христинатай үерхэж, гэрээр нь ирдэг байжээ...
Хельма машинаас бууж ирэнгээ:
- Үгүй ер ингэж уулзах гэж байдаг аа! Ямар хувь ерөөлөөр уулзах нь энэ вэ, Ики?.. гэж дуу алдаад, нэвт гэрэлтэн харагдах нимгэн бээлийтэй цагаан гараа сунгав.
Отт нэр усаа хэлэн ёсорхуу танилцав. Тэр мушгимал погонтой германы их бууны штабын офицерын хувцас өмсөж, Төмөр загалмай одон зүүжээ.
Дэд хурандаа Отт Японд ирээд хэдэн сар болж байна. Цэргийн ажиглагчаар ирээд, Ногаяд япон цэргийн их бууны хороонд сууж байна. Аягүй уйтгартай! Эхнэр хүүхэд Токиод суудаг тул өөрөө ирэн очин байдаг, удахгүй энд суурьших болов уу гэж найдаж байна. Ганцаар амьдарч залхлаа гэж ярив.
Тийнхүү тэр хоёр анх танилцжээ. Тэгээд бололцоо таарвал Нагояд уулзахаар хэр үед болзсон ажээ.
Одоо тийм боломж таарчээ.
Зорге Оттын өрөө рүү залгасан боловч хэн ч утас авсангүйд зарц руу нь утасдвал түлхүүр байдаг газраа алга байна, бодвол ноён дэд хурандаа зочид буудалд хаа нэгтэй, магадгүй зоогийн газар ч байж мэднэ гэж хэлэв. Рихард доош бууж зоогийн газар орвол Эйген Отт эхнэр, хүүхдүүдийнхээ хамт нийтийн ширээнд сууж харагдав. Дэд хурандаа босож мэндлээд ширээндээ урив. Оттынхон хоолоо дөнгөж идэж эхэлж байсан учир Зорге тэдэнтэй нийлж, хоолон дээр хүүхдүүдтэй тоглоом тохуу хийлцэн, тэдэнд инээдмийн илбэ үзүүлсэн учир хүүхдүүд "Рихард ахад" их баярлан хөөрөлдөв. Үүнээс хойш Оттын хүүхдүүд доктор Зоргег "Манай Рихард ах" гэхээс өөрөөр үл нэрлэдэг болжээ.
Хоолны дараа Хельма хатагтай ширээний араас шууд босож, уучлал гуйгаад, хүүхдүүдтэйгээ дээш гарахад хоёр эр хоёулхнаа үлдэв.
Жанжин штабын генерал Фон Бокт өгөх цэрэг улс төрийн тойм бичиж байна. Гэтэл гадаад улс төрийн бүлгийг бэлтгэхэд бэрхшээл учраад байна гэж Отт яриад доктор Зоргег энэ талаар найдвартай, мэдлэгтэй хүн олж өгч тус болохгүй юу гэж гуйв.
Зоргегийн өмнө чулуугаар яаруу тэвдүү эв дүйгүй сийлсэн мэт бүдүүн хадуун царайтай, бодож сэтгэхдээ удаан болхи, тэгэхдээ тавьсан зорилгодоо заавал хүрч чаддаг чулуу шиг тэвчээр тэсвэрийг эзэмшсэн пруссийн цэргийн кастын яахын аргагүй нэг төлөөлөгч сууж байлаа.
Төрийн том түшмэлийн гэр бүлд төрж өссөн Эйген Отт цэргийн эрхтний албан тушаалыг сонгож авсан агаад, нэг үе Вюртембергийн ордны дэргэд бүжгийн багш нар ажиллаж үзжээ. Дэлхийн дайны үеэр их бууны ангид алба хаан хорооны штабын дарга байж, "хар рейхсверт" германы тагнуулын албыг үндэслэн байгуулагч хурандаа Николайн удирдлаганд Шинэ Германы түүхийн институтэд ажиллаж байжээ. Энэ гол зүйл Оттын хэн болохыг рентген туяа шиг нэвт гэрэлтүүлж өгнө. Зорге "Түүхийн институт" гэж юу болохыг гоц сайн мэдэж байлаа. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Германд "эрдэм шинжилгээний байгууллага" гэдэг халхавчийн дор цэргийн штаб, тагнуулын байгууллага, дайчилгааны захиргаа ажиллаж байв. Германы армийн командлалын дээд хэсэгтэй хэлхээ холбоо бүхий Отт Хятадад тагнуулын ажил эрхэлж байсан. Энд, Японд ч гэсэн бас түүнээ эрхэлж байж таарах билээ. Зоргегийн өмнө, бүх байдлаас нь үзвэл, ултай тусламж эрэлхийлсэн Германы хашир догь тагнуул сууж байлаа.
- Орчин үеийн японы явуулж байгаа улс төрийн бодлогыг өнгөрсөнтэй нь харьцуулбал сая ойлгож болох болов уу гэж би бодож байна... Энэ бодлоо задруулан хэлбэл, эзэн хаан Мэйжи хагас зуун жилийн өмнө, магадгүй, тэрнээс ч өмнө хэлэхдээ, Ямато үндэстэн эзэн хаан өөрийнх нь төлөвлөгөөний гурван шатыг хэрэгжүүлэн биелүүлсэн цагт ертөнцийг байлдан дагуулж эхэлж болох юм. Энэ бол нэгдүгээрт, Тайванийг байлдан эзлэх, хоёрдугаарт, Солонгосыг, гуравдугаарт Манжуурыг, дараа нь бүх Хятадыг байлдан эзлэх явдал юм гэсэн билээ. Тэгвэл Тайванийг аль хэдийн эзэлчихээд, Солонгосыг бас эзэлчихээд байна. Одоо гурав дахь шатаа хэрэгжүүлж буй нь Манжуурыг булаан эзэлчихээд, хятадыг авах ээлж л үлдээд байна... Энэ бүхнийг би улс төрийн синтоизм улс төрийн бодлогод эцэг өвгөдийнхөө үзэл санааг тахин шүтэх үзэл гэж нэрлэх байна. Япончууд өөрсдийн өвөг дээдэс, эзэн хааныг, түүгээр ч зогсохгүй хуучин үзэл санааг бишрэн дагаж, дэлхийг дагуулах уламжлалт бодлогоо явуулж, шулуухан ярихад Европыг Ази тивийн нэгэн хойг гэж үзэж байна. Энэ бол ганцхан самурай нарын ч газар зүй бишээ... гэж Зорге хэлэв.
Доктор Зоргегийн ярихыг Эйген Отт туйлын анхааралтай сонсов. Энэ бол нөгөө тайланд нь дутаад байгаа яг тэр зүйл, зохиогчийн өргөн их мэдлэгийн хүрээг нээн харуулах алсын хараа бүхий цэгнэл яриагүй мөн. Берлинд толилуулах тайлангийн нь агуулга хир гүнзгий байхаас өөрийн нь цаашдын дэв зэрэг ахих нь шалтгаалж буйг цэргийн ажиглагч зэгсэн сайн ухаарч байлаа. Отт Япон руу явахдаа эзэн хаант Япон, нацист Герман хоёр улсын тагнуулын албаны хооронд хамтын ажиллагаа тогтоох гэсэн нуун, маш тодорхой даалгавар авчээ. Олон юм хийж амжсан ч гэсэн бүгдийг хийж гүйцээх яагаа ч үгүй байв. Хурц тодорхой дүгнэлт, тод томруун хэтийн төлөв хэрэгтэй. Тэгээд Зорге шиг ийм хүнийг энэ ажилд татан оролцуулбал мөн ч ашигтай байхсан гэж бодогдоно.
Тэр завсар доктор Зорге бодлоо даамжруулан ярьсаар байлаа. Яриандаа улайрсан байдалтай чанга, тодорхой ярина.
- Одоо өөр нэг сэдэв байна. Үүнд: Ази тивд өөрийн бодлогыг хэрэгжүүлэн биелүүлэхэд нь Японд цэрэг дайны холбоотон шаардагдаж байна. Энэ бол тодорхой хэрэг. Тэгээд хэнийг холбоотноо болгож болох вэ? Зөвлөлт Оросыг уу? Үгүй ээ! Америк, Английг үү? Бас үгүй ээ? Тэгвэл хэнийг вэ? Гагцхүү Германыг! Германы национал-социализм, Японы улс төрийн синтоизм хоёр л үзэл суртлын ижил үндэс язгууртай юм. "Лебенсраум", "дранг нах остен" гэдгийг ч санаад үз л дээ. Японы цэргийн эрхтнүүдийн дотор тийм эрмэлзэл байхгүй гэж үү? Үүнээс миний хийх дүгнэлт гэвэл: Фюрерийн германд бас холбоотон хэрэгтэй. Тийм холбоотон нь гагцхүү өнөөгийн Япон байж чадна. Бидний хэтийн төлөв, Алс Дорнодод явуулах манай бодлогын үндэс гэвэл энэ байна... Би зөвхөн өөрийн үзэл бодлыг л хэлж байна. Энэ бодол маань буруу ч байж мэднэ. Танд харин хэн тусалж болохыг би бодъё. Тэгж бодох хэдэн хоногийн хугацаа өгнө үү гэж Зорге эцэст нь хэлэв.
Отт хариу татгалзаж:
- Би уг нь таныг гуйж зүрхлэхгүй байна. Гэхдээ та надад туслахыг зөвшөөрөхгүй юм биз дээ? гэж асуув.
Зорге чухамдаа үүнийг л хүлээж байлаа. Тэгэхдээ одоо яаран зөвшөөрөхгүй байх нь гол байв. Зорге хөхрөн байж:
- Ноён Отт, би гэдэг хүн чинь энэ асуудлаар бараг юу ч мэдэхгүй мулт хүн шүү дээ! Надаар юугаа хийх вэ дээ! Харин би танаас зөвлөлгөөн авах гэж бодсон юм. Би танд надаас дээр мэддэг хүн олж өгье гэв.
- Үгүй, үгүй. Би таныг үнэнээсээ гуйя. Харин зав чөлөө тань л юу байдаг юм гэхээс биш.
- За яахав, бид энэ тухай дахиад ярилцамз...
Рихард дүгнэлт бодлоороо цоо шинэ юм нээгээгүй боловч Берлингийнхний үзэл амьсгалыг ерөөс арван хуруу шигээ мэдэж, өөрснийхөө бодлын баталгаа олж авахын мөрөөсөл болсон нацист дипломатчдын сэтгэхүйг сайн судалжээ. Хэрэв ажиглагч дарга нарынхаа бодол санааг тааж мэдвэл түүнийг хурц ухаантай, нөхцөл байдлыг ухааран мэддэг хүн гэж тооцно...Үнэндээ иймэрхүү үнэлэлтийг Германы гадаад явдлын яам байрладаг Вильгельмштрассын түшмэд хүртдэг байв... Энэ санааг Эйген Оттод хэлж яагаад болохгүй гэж? Тэр хэрэг болж ч магадгүй, тэгэх тусмаа Рихардад нэгэн тодорхой зорилго байлаа. Нагояд шаазангийн заводын хэлбэрээр цэргийн том үйлдвэр ажиллаж, далайн мина шиг юм үйлдвэрлэдэг байв. Үүнийг мэдэх хэрэгтэй, гэтэл ийм зүйлийн талаар Нагояд амьдардаг их бууны офицер тагнуулчаас өөр хэн сайн мэдэх вэ дээ?!
Отт дээшээ өрөөндөө орж, жинхэнэ кюммель архи уухыг урив. Бүр Германаас авчирсан, Японд хаанаас ч олдохгүй архи ажээ...
Тэр хоёрыг өрөөнд ороход Хельма хатагтай түшлэгтэй сандал дээр, юм нэхэж суулаа. Ээрсэн том бөөрөнхий ноосон утас хажууд нь хэвтэнэ. Ээрүүл, зүү гарт нь түргэн түргэн гялалзана. Хельма хатагтай Зорге өөд бодлогошронгуй харав.
Тэр хоёрын уулзалдсанаас хойш арван таван жил өнгөрсөн бололтой. Хельма тэгэхэд Баварын коммунист, уран барилгачин Мейгийн гэргий байжээ. Дараа нь тэр хоёр салж Мей Орост суухаар явж, Хельма рейхсверийн залуу офицертой ханилан суужээ. Тэр нь энэ Отт байжээ. Хорвоо юутай давчуу вэ! Тэр үед Хельма зүүний үзэл бодолтой хүн байлаа. Одоо юу бодож байдаг бол?
Оттог кюммелийн бөглөө онгойлгохоор гарахад Хельма нэхэхээ түр азнаад:
- Бид уулзсандаа би маш их баяртай байна. Та Франкфуртэд галт тэрэгний буудлын дэргэд суудаг, танайд хуучны тавилга, олон зураг байдагсан... гэв.
- Хатагтай та ой сайтай хүн юмаа...
Гэхдээ би энэ бүхэнд өөр зүйл зориулагдаагүй байгаасай гэж хүснэ...
- Яг үнэн! Өнгөрсөн юм тэр үетэйгээ өнгөрнө гэж Рихард Хельмагийн үгний утгыг ойлгон хэлэв.
Отт шилтэй кюммель барьсаар орж ирээд ширээн дээр тавив. Хельма хатагтай юмаа үргэлжлүүлэн нэхэв.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 6:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ЭЦЭГ ӨВГӨДИЙН НУТАГТ

Генри Пу И эцэг өвгөдийнхөө нутагт амар тайван, үйлс бүтэмжтэй сайн хаан ширээ барьж, хоёр дахь жилтэйгээ золгов. Одоо эзэн хааны өөрийн гарын үсэг, тамга бүхий төрийн албан бичгэн дээр "Кан Дэгийн эриний 2-р он" гэж тавигдах боллоо. Дэлхий дахиныг түгшээж, Аугаа их хааны сэтгэлийг хямраасан үйл явдал огт байхгүй мэт боловч, ерөөс синьзиний ордон буюу дээд талын тасалгаануудыг дээвэргүй задгай гудамлагаар холбосон зэрэгцээ өрөө тасалгаатай, хааны өргөө рүү очсон ёслолын дугуй шат бүхий хоёр давхар хуучин байшинд ертөнцийн сайн муу мэдээ алин боловч үл хүрдэг ажээ.
Эзэн хааны бүхнийг мэдэгч зөвлөх буюу Квантуны армийн хээрийн цагдаагийн газрын дарга, Шиндо шашны хамба лам, генерал Таракасүки хааныг төрийн хэрэгт биеэ чилээхгүй байлгахыг чармайн мөрдөнө. Пу И-гийн цаг, хүлээн авалт, ёслол, хурал ном хурах зэрэгт өнгөрөх бөгөөд тэдгээр үйлдэлд Таракасүки заавал байлцана. Тэр өдөр бүр ордонд ирэхдээ хамба ламын өмсгөл өмсөж, гартаа тарни маанийн самбар барьсан байх буюу эсвэл хөндлөн погонтой японы генералын хээрийн дүрэмт хувцас, эсвэл энгийн хүрэн кимоно өмссөн байна. Таракасүки бол шинэ улсын хувь заяаг шийдэж байдаг Квантуны армийн штабын дөрөвдүгээр хэлтэс, хааны ордон хоёрыг холбогч зангилаа байлаа.
Генерал эзэн хаантай байнга ярилцаж, заавар сургаал өгнө. Тиймэрхүү ярианы үед заримдаа эзэн хааны гэргий, өөрийн гэсэн бодолтой залуу эмэгтэй Суань Тэ байлцдаг байв. Тэр хүүхэн хувь тавилангийн эрхээр хорин гурван настайдаа хатан хаан болжээ. Хятадад эртнээс эхнэр нь төрийн хэрэгт оролцож, нөхөртөө өөрийн дур зоригийг хүлээлгэдэг заншил бий тул Суань Тэг сайтар харж байхыг онцгой албаны дарга. Итагаки Таракасүкид олонтоо ярьдаг байв. Ухаалаг, дураараа Суань Тэгийн өөрийн гэсэн бодол Квантуны армийн анхаарал татжээ.
- Хаан минь таны өмнө Ямато үндэстний мянган жилийн түүхт үлгэр жишээ байна. Японд тэнгэрийн хүүг тэнгэрлэг хайр хүндэтгэлээр хүрээлж, оронд нь төрийн хэргийг ухаалаг цэргийн дарга нар шё-гүнүүд удирддаг юм. Хуандитэй ойрын төрөл садан нь юм уу, үйлчлэгч хүмүүс нүүр учирна. Таны хувьд ард түмнээр хүрээлүүлж хүндлүүлэх явдал оршино...
Пу И толгой дохин зөвшөөрч, ойр дотны хүмүүсийн дунд өөрийн анхны багш, хүмүүжүүлэгч, англи Жонстонг үлдээхийг хүсэмжлэн, англи хэл сурахыг хүсэж байв...
Таракасүки дахин түүхээс иш татаж, өгүүлрүүн:
- Хэрэггүй ээ, хэрэггүй... Бурхны оронг бузарлахаас хамгаалж, харь орны хүнийг олон зуун жилийн турш Японд оруулаагүй билээ. Манж-год яагаад тэгж болдоггүй юм?!..
Эзэн хааны зөвлөх, англи Жонстоны илгээсэн англи хэлний сурах бичгийг Пу И-д дамжуулахыг хүртэл хориглов... Эзэн хаантай Тянжинаас хамт ирсэн хүмүүс улам бүр цөөрч, зарим нь бие биеийн араас гэнэт нас барж, зарим нь Синьзиний ордноос үүрд алга болжээ. Ордны хамгаалалтын манж, хятад цэргийг японы цэргийн албан хаагчдаар сольжээ. Өөрийн тэнгэрлэг албан үүрэгт итгэсэн эзэн хаан үүнийг яагаад ч юм анзаарсангүй. Гэтэл энэ бүхэн Суань Тэгийн нүдэнд өртөлгүй өнгөрсөнгүй.
- Ноён Таракасүки, танай оронд шё-гүнүүд төр удирдахаа больсон шүү дээ. Тэнгэрийн хүү Мицүхито өөрөө ингэх бодолтойгоо зарласан билээ. Иймээс ч Мэйжигийн хувьсгал гарсан шүү дээ гэж Суань Тэ хэлэв.
Суань Тэ түүх сайн мэднэ. Нөхөртэйгээ хоёулхнаа байхдаа бүр илэн далангүй ярьдаг байлаа.
- Айсин гэж хүүхэн, Пу И-г хятадын хаан ширээнд суухаас өмнөх багынх нь нэрээр нэрлэн шивэгнэж Айсин, шё-гүний үед японы хуанди бүхэн хүүхэдтэй байсан. Тэднийг нас бие гүйцмэгц, өөрийн үүргээ гүйцэтгэсэн азарганз зөгийг хатанз нь устгадгийн адил устгадаг байв... Айсин, чамайг хүндлэн жаргааж байвч, чамд мэдэл алга. Айсин минь, чи өөртөө эцэг өвгөдийнхөө эрх мэдлийг эргүүлж авах хэрэгтэй... гэж хэлэв.
Эрх мэдэлгүй эзэн хаан Суань Тэгийн хэлснийг зөвшөөрөв, Тэр, охидынх шиг жижигхэн хөх, ялдамхан сэрүүвтэр биетэй энэ эмэгтэйд хайртай, өтгөн сормуусан дундаас ширтэх гартааман өнгөт нүдэнд нь хайртай... Гэхдээ тэр юу өөрчилж чадах вэ? Япончууд туслаагүй бол тэр эцэг өвгөдийнхөө хаан ширээнд дахин суухгүй байх байсансан...
Генерал Таракасүки Квантуны армийн штабын дөрөвдүгээр хэлтэст боловсруулсан, эзэн хааныг засаг төрийн ажилд оролцуулахгүй, зөвхөн нэрийн төдий байлгах төлөвлөгөөг шургуу хэрэгжүүлж байлаа. Манжуурт явуулж буй Японы түрэмгийллийн талаар хятадын засгийн газраас Олон үндэстний холбоонд гомдол гаргасны дагуу лорд Литтоны тэргүүлсэн олон улсын комисс Манж-год хүрэлцэж ирснийг Пу И эцсийн хурам хүртэл мэдээгүй байжээ. Литтоны комиссыг Манж-год одоо болтол дайны үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа районд очихыг зөвшөөрсөнгүй.
Гагцхүү японы төлөөлөгчид тэдэнтэй ярилцаж байв. Лорд Литтон эзэн хаанд бараалхах хүслээ илэрхийлэв. Түүний хүсэлтийг биелүүлэхээр амлажээ. Гэхдээ, Пу И-тэй уулзах уулзалтад, эзэн хааны ордны дотоод журмын дагуу хааны зөвлөх, генерал Таракасүки байлцана гэдгийг урьдчилан анхааруулжээ. Лорд Литтон болон түүний комиссын гишүүдийн асуултад генерал Таракасүки хариулна. Литтоноос Аугаа их хаанд хандаж тавих асуултыг урьдаас танилцуулах хэрэгтэй, бараалхалтын үед өөр асуулт тавьж болохгүй. Ер нь тэгээд, тэнгэрлэг эзэн хаантай жирийн нүгэлт хүний нэгэн адил ярилцаж болохгүй. Зөвхөн түүний барааг харж болно гэжээ. Манж-год тогтсон ордны журам, заншил ийм бүлгээ...
Эцэст бас нэг саад бий болов. Эзэн хаанд бараалхахад ёслолын журмын дагуу гагцхүү тусгай хувцас өмсөх ёстой гэв. Ийм ёс байдгийг лорд Литтон хаанаас дуулах вэ дээ? Комиссын гишүүдэд ёслолын тийм хувцас байсангүй. Ийнхүү эзэн хаанд бараалхаж чадсангүй.
Гэлээ ч лорд Литтон Манжуурын хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй илтгэл Олон улсын холбоонд илгээв. Илтгэлийг ассамблейд хэлэлцэх болж, тусгаар тогтносон шинэ улсын эрх ашгийг Чөлөөлөх үүргийг Манжуурын төмөр замын компанийн дэд ерөнхийлөгч, ширвээ сахалтай, тагдгар намхан, ахимаг насны, яндан мэт дэндүү өндөр бортгон малгай өмссөн ноён Мацүокад даалгав.
Мацүока шашин шүтлэгийн хувьд христосын шажинтан байсан нь Токиогоос түүнд даалгасан энэ нарийн түвэгтэй хэрэгт багагүй чухал үүрэг гүйцэтгэжээ.
Мацүока Олон үндэстний холбооны ассамблейд оролцохоор Женевт олон төлөөлөгч дагалдуулан очиж "Метрополь" зочид буудлыг бүхэлд нь эзлэн, гоё гоё хөнгөн тэрэг худалдан авч, тоо томшгүй хүлээн авалт зохион байгуулж мөнгийг ус цас шиг үрэн таран хийж, үдэш оройн цагаар өөрийн үндэсний онцлогийг үзүүлж, зочдын дунд кимоно өмсөн орж ирнэ.
Ассамблейн хуралдаан дээр Мацүока хятадын талаас өөрийнх нь засгийн газрын талаар дэгдээсэн гүтгэлэгт чин сэтгэлээс дургүйцэж байгаагаа илэрхийлэв. Түүний үг хэлэхэд танхимд ялаа нисэх нь дуулдахуйц чимээгүй байлаа.
- Би христосын шашныг шүтэж, бурханд итгэдэг хүн... Хоёр мянган жилийн тэртээ манай Христосыг цовдлон алсанчлан одоо Японыг тэгэх гэж байна... Гэхдээ бид муу юм юу ч хийгээгүй. Япон бол эмзэг турьхан хурга! Хятад бол чоно! Гэхдээ Япон бол тийм ч дорой хурга биш гэдгийг ассамблей мэдэх хэрэгтэй!..
Гэлээ ч Манжуурын асуудал Олон үндэстний холбоонд багтдаг хөрөнгөтөн орнуудын сонирхлыг хөндөж байсан тул ассамблей японы түрэмгийллийг шүүмжлэн хэлэлцэв.
- Тэгвэл Япон улс олон үндэстний холбооноос гарах болно гэж Мацүока хэлээд, Женевээс явжээ.
Дипломат эелдэг занг зөрчиж, хэн ч японы төлөөлөгчдийг үдэж гаргахаар буудал дээр ирсэнгүй.
Мацүокагийн анхны дипломат үүрэг даалгавар бүтэлгүй төгссөн боловч өндөр бортгон малгайт тагдгар тэр хүн Женевт очсон тэр цагаас хойш мандаж гарчээ. Мацүока Манжуурын эзлэгдсэн бүх нутагт байгаа ашигт малтмалын бүх уурхай үйлдвэрийн газрыг нэгтгэсэн Өмнөд-Манжуурын төмөр замын компанийн ерөнхийлөгч болжээ.
Харин Синьзинь дахь Квантуны армийн штабын ажилтнууд хатан хаан Суань Тэгийн санаа бодлоос улам бүр түгших болов. Нэг удаа генерал Итагаки Таракасүкид хэлрүүн:
- Таракасүки-сан, та хатан хаан Суань Тэд анхааралтай хандаж байгтун!.. Хатан хаанд ямар нэгэн зүйл тохиолдвол командлагч харамсах болно. Өвдвөл хятад эмчид найдаж болохгүй... Жэхээ хотын монголчуудад маш чадалтай төвд эм бий...
Итагакийн юу хэлж байгааг Таракасүки сайн ойлгожээ.
Кан Дэгийн эриний хоёрдугаар орны хавар хатан хаан гэнэт өвдлөө. Өвчин нь эхэндээ хөнгөн, түгшүүр төрүүлэх зүйлгүй байлаа. Ордны туранхай хятад эмч үзээд ханиад хүрсэн байна, ганц хоёр хоногоос зүгээр болно гээд эмийн ургамлын ханд болон тамир тэнхээ сайжруулах зорилгоор хүн орхоодойн үндэсний ханд өгч, магнай, хүзүүнд тус бүр хошоод хануур хорхой тавихаар жор бичив. Хануур хорхойгоор хаврын цагт хүний биед хуралддаг муу цусыг соруулах хэрэгтэй байжээ. Эмч өөрөө хатан хаанд хануур хорхой тавив. Суань Тэ өөрийнхөө өрөөнд лавирын дор олон жинтүү тавьсан, өндөр орон дээр хэвтэж байлаа. Эмч тунгалаг устай шилэн савнаас өлсгөлөн хануур хорхой болгоомжтой гаргаж, хөндий хулсанд толгойгий нь дөнгөж цухуйж байхаар хийгээд, харандаа лугаа адил барьж биеэр нь алгуурхан гүйлгэж эхлэв. Хануур хорхой сорох газраа өөрөө сонгож авах ёстой ажээ.. Хорхойнууд хөөж томрон ойчиж, эмч эмчилгээ хийгээд бөхөлзөж мэхэлзсээр үүд рүү чиглэлээ.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 6:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Гэтэл Таракасүки юу ч болсон япон эмч дуудаж, үзүүлж байхыг Пу И-д ятгаж амжжээ. Аз болоход саяхан Японоос Квантуны армид нэг сайн эмч хүрэлцэн ирсэн тул түүнд хатан хааныг үзүүлэхэд гэмгүй гэж тэр ярьжээ.
Ар нуруу, ханцуй дээр нь япон үсэг цагаан алаг болтол нь цоохорлож бичсэн кимоно өмссөн цулцгар хацартай, дугуй том царайтай япон үдэш ирэв. Түүнийг ордны хойт талд хэд хэдэн өрөө тасалгаа эзэгнэн суудаг зөвлөх Таркасүкид хүргэн өглөө. Япон эмч Таракасүкитэй удтал зөвлөлдсөний дараа хатан хааны өргөө рүү явав. Өрөөнд ариун үнэртэн ханхалж, бүгчим байсанд япон эмч цонх онгойлгуулж, өвчтөнг удаан үзээд, хатан хаанд сайхан унтуулах эм өгөв. Хатан хаан Суань Тэ-гийн бие нэлээд дээрдэж, удалгүй унтлаа. Хацар нь улаа бутран, жигд амьсгалж, тайван нойрсов.
Шөнө дунд өвчтөний байдал эрс муудав. Суань Тэ дэмийрч нүүр нь цонхийн цайж, хүйтэн хөлс нь урсан, амьсгаадан байв. Хатан хааныг үзүүлэхээр эмч нарыг залж авчрав. Таракасүки тэр шөнө эзэн хааны ордноос явсангүй. Тасалгаандаа сууж, хагас цаг тутам хүн явуулж, хатны биеийн байдлыг мэдэж байв. Суань Тэ ухаан оролгүй байсаар үүрээр нас барлаа. Таракасүки шиндо шашны хамба ламын хувцсаа өмсөж, ордноос даруй гарч одлоо.
Хатан хааныг ёслол төгөлдөр оршуулав. Генри Пу И өөрт тохиолдсон уй гашуудлаас болж, хөл дээрээ дөнгөн данган зогсож байв. Эхнэрээ нас барснаас хойш олон хоног өргөөнөөсөө гарсангүй.
Сарын дараа генерал Таракасүки хамба ламын гашуудлын хувцас өмсөж, эмгэнэлийн царайтай ирэв. Пу И нуруу бөгтийн, овор сууж, шүтээний өмнө өвдөг сөхрөн мөргөнө. Арц хүжийн шингэн утаа утсан цацаг лугаа адил суунаглана. Таракасүки бас бурхны өмнө ирж, нүдээ анин залбираад ширээний дэргэд очиж, сийрсэн дэвсгэр дээр суулаа... Тэр хоёр юм ярилгүй нэлээд байсны эцэст Таракасүки зугуухан ам нээж
- Аугаа их хаантан минь, хүний тавилан бурхны гарт шүү дээ... Уй гашуудлаар өвөг дээдсийнхээ сүнсийг уруу татаад юу хийх вэ... гэв.
Тэр шашны ном унших мэт удаан ярив
- Амьд нь амьдралынхаа мөрийг бодох хэрэгтэй. Их Изангийн нүднээс төрсөн, нарны дагина үзэсгэлэн гоо Аматэрасу Оомиками бидэнд ингэж сургасан юм... Тэнгэрлэг хаадын үр үндэс мөнх байх ёстой. Та өөрийн үр үндсийг бодогтун. Танд үзүүлэхээр авчирсан хэд хэдэн гэрэл зургийг тахиргүй тунгалаг мэлмийгээр толилон болгоогтун...
Таракасүки торгон илгэн хавтаснаас хэдэн арван залуу хүүхний гэрэл зураг гаргаж, Их эзэн хаанд өгөв. Төлөв түвшин, бүрэг номхон, эсвэл инээж, зүггүйтсэн байдалтай, олон янзаар зураг авахуулсан хүүхнүүд тус бүр өөрийн гэсэн сайхан харагдах, нүд булаах юмтай ажээ. Цөм үсээ нэгэн янзаар самнаж, үнэтэй сайн хувцас өмсжээ.
- Энэ бол японы эртний Фуживар удмын сайхан хүүхэн, нэр нь Юмико гэдэг юм. Энэ нь японоор турьхан сайхан гэсэн үг. Энэ бол Аико гэдэг хүүхэн. "Хайр дурлал" гэсэн үг. Бас л алдарт шё-гүн Минамотогийн удмын бүсгүй... Энэ самурайн гэр бүлээс гаралтай хүүхэн, хар даа сайхан хүүхэн шүү... гэж Таракасүки тайлбарлав.
Пу И ямар ч сонирхолгүй, гагцхүү эелдэг ёсыг сахиж тэдгээр зургийг үзлээ. Тэр насанд хүрээгүй хүүхэд байхдаа Тайвань руу жуулчлалаар явах боломж олдож, арлын хойт захад орших Келлунга хэмээх гүн уст цүлхэнг тойрон байрласан боомтын жижиг хотод буужээ. Түүнд одоо ерөнхий сайд болоод байгаа бойдаагийн хүү Ши хэмээх найз байв. Ши Пу-гээс хэдэн нас ах ажээ. Хоёул нууцаар хот орж янхны газар олноор байдаг районд очжээ. Тэр хоёр хавчиг давчуу гудамжаар чөлөөтэй тэнэж, дэлгэмэл цаасан хашлагаар хийсэн цагдаагийн бүхээгийн дэргэдүүр өнгөрөв. Цагдаа харилцуур утас тавьсан ширээний ард диспетчер шиг сууж, янхны хороололд журам сахиулдаг агаад дээр нь том дугариг улаан дэнлүү өлгөөстэй байх ажээ... Мань хоёр нэгэн байшинд орж, гутлаа тайлтал, сайн хувцастай, зулгуйдаж долдгоносон нэг ахимаг насны эмэгтэй угтан ирж, олон хөөрхөн хүүхний зураг хадсан хана руу дагуулан аваачаад "Энэ одоо хүнтэй байгаа... Энэ чөлөөтэй байгаа. Энэ удахгүй чөлөөтэй болно" гэж ярив. Пу-И тэр үед Суань Тэ-тэй уулзаагүй байсан болохоор анх удаа эмэгтэй хүнтэй ойртжээ... Одоо хамба лам бөгөөд цэргийн цагдаагийн газрын дарга янхны газрын хөгшин эзэгтэй шиг хүүхнүүдийн зураг үзүүлэн шилж сонгохыг санал болгож суув. Харин түүний хүүхнүүд цөм чөлөөтэй байв...
- Үгүй, үгүй! Би Суань Тэгээс өөр хэнтэй ч суухгүй... гэж гэнэт эзэн хаан дуу алдав.
Таракасүки зургаа хамж авах зуур
- За, яарах юу байх вэ, гэхдээ та тунгаан болгоох хэрэгтэй. Одоо би танд, уйтгар гунигийг тань мартуулах нэгэн мэдээ дуулгах саналтай байна гэж хэлжээ.
Энэ явдлаас өмнөхөн Квантуны армийн командлагч, генерал Хонжио Таракасүкийг дуудаж уулзаад хэлсэн нь:
- Нууц зөвлөл Манж-гогийн төрийн шашнаар шиндог болгох гэсэн армийн саналыг зөвшөөрсөн. Үүнээс хойш засгийн газрын шийдвэрийн дагуу Аматэрасү Омиками манжуурын дар эх болсон нь амьтай, амьгүй хүмүүсийн сүнсийг хянахад бидэнд тусална... Ард түмэн японы эзэн хаанд мөргөх ёстой. Нууц зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх даалгаврыг танд өгч байна. Пу И өөрөө японд очиж, дар эхийг залж ирэх хүслээ илэрхийлэх талаар ажил зохио. Дар эхэд зориулж сүм босгох хэрэгтэй. Хөрөнгийг хар тамхины захиргаанаас гаргуулж аваарай...
Хар тамхины үйлдвэрлэл, худалдаа штабын мэдэлд байх тул Квантуны армийн өдөр тутмын зардлын нэлээд хэсгийг хаадаг байжээ.
Одоо Таракасүки Хонжиогоос авсан даалгаврыг ажилдаа шилжин орж, Пу-Игийн нүүр рүү харан өгүүлрүүн;
- Аматэрасү Омиками дар эх үр удамдаа гурван эрдэнэ үлдээсэн юм. Энэ нь илд, толь, сондор гурав. Энэ бол үнэлж баршгүй гурван эрдэнэ. Аминдаваа бурхны сүмд хадгалагдаж байдаг юм. Хаантан минь, танай улсын харьяат иргэдэд дэлгэрэн түгэх буян өлзий бүрджээ. Шиндо шашин бол миний үзэж байгаагаар будда, шар, христос, исламын зэрэг олон шашны амьдруулагч чийгийг хөөсөн чулуу лугаа адил биедээ шингээн авдаг юм... Бурхнаас заасан хувь зохиолыг дагаж, шашны тэргүүн бологтун. Хүмүүс таныг бурхан, тэнгэрийн хүүгийн адил үзэж, өмнө тань сөгдөж мөргөх болно. Та тэнгэрлэг ах Хирохитодоо бараалхаж оч...
Хэд хоногийн дараа бараа бологчдынхоо хамт японы "Хиэй марү" хэмээх цэргийн том хөлөг онгоцноо гарч, Аматэрасү дар эхийн гурван эрдэнийг залж авчрахаар Ямато орныг зорин хөдөлсөн Пу И-г Инкэуд баяр ёслолын байдалтай үдэж мордууллаа. Эзэн хааны зөвлөх, генерал Таракасүки бурхан шашны ажлаа биелүүлэхэд нь цагдаагийн газрын даргын дүрэмт хувцаснаас илүү тохиромжтой шиндо шашны хамба ламын хувцсаа өмсөн, хажууд нь дагалдан явав.
Харин эзэн хаан алтан шар погонтой, муарын тууз, одон тэмдгээ зүүсэн ёслолын хувцаснаас ер салахгүй байлаа. Гагцхүү хацар руу нь унжсан том эвэр хүрээт шил нь түүний цэргийн хүний байр төрхөд бага зэрэг харшлах ажээ. Хаан бүх л замын турш өөрийн ер бишийн аяны тухай шүлэг зохиол бичиж, хамба лам Таракасүкид дуртай үзүүлнэ. Зөвлөх хааны шүлэг зохиолыг таашааж, уянга найргийн увидас эрхэм дээдэст заавал байдаг онцлогтой хэмээн өөрөө бүрэн төгс итгэж, үүнийгээ Пу И-д итгүүлэхийг чармайв. Засгийн эрх барьсан хэн боловч шүлэг бичих ёстой. Айзам хэмнэл төгөлдөр бус, утга агуулга хөнгөн хийсвэр нь ач холбогдлыг үл бууруулах агаад хэц нэгэн тайлбарлагч эзэн хааны уран бүтээлийн гүн утга санааг нээж, үндэсний яруу найргийн цоморлигт оруулах болно.
"Гагцхүү толины гадаргуутай адилтгаж болохуйц амгалан дөлгөөн гадаад далайг гатлан алс холд жуулчлан явах нь дэлхийн дорнод хэсэгт орших манай хоёр орны хамтын ажиллагааг үүрд мөнхрүүлэх үйлс бүтэх амой..."
"Хуйлрах давлагааг сөрөн буман ли газар жуулчлах юутай гайхамшиг! Тэнгэр далай нийлэн, оюу лугаа адил харагдана. Энэхүү аялал тэнгис, эх газрын үзэсгэлэн гоог дэлгэн нээгээд зогсохгүй, сар нарны адил гэрэлтэн гийсэн манай хоёр орны холбоог нээх амой..."
Эзэн хаан Пу И эдгээр бадрангуй үгсийн хэлхээнд далд санаа агуулж, япончуудын сэтгэлд нийлж байвал барав хэмээн заль зохиожээ... Тэр зориуд зусардан бялдуучилж, өөрийн агуу сууг илтгэн батлав. Ямато орныг зорьсон аяны замд дайчин бичлэгтэй яруу найрагч, зохиолч Хаяшидо Кандиро хааны бараа бологч болон хувирч, улмаар "Манжгогийн эзэн хааны хамт тавтай сайхан аялсан нь" хэмээх нэртэй, хожим хэн ч уншаагүй цоглог ном бичжээ...
Их эзэн хааны зөвлөх Таракасүки шүлгийн түүвэр, дурдатгалын ном хэвлүүлэх хүртэл бүх юмыг урьдаас боджээ.
Аялал амжилттай болов. Токиогийн өртөөн дээр манжуурын төлөөлөгчдийг сонсдоогүй их хүндэтгэл гарган Японы эзэн хаан-тэнгэрийн хүү нигүүлсэнгүй Тэнно угтан авлаа. Үлээвэр хөгжим хоёр орны, өөрөөр хэлбэл дөнгөж сая бий болсон Манж го-гийн төрийн дуулал, европын он тооллыг хэрэглэвээс Ромын эзэнт улсын цэцэглэн мандалтын үеэс оршин тогтнож буй Ямато үндэстний төрийн дуулал эгшиглэв.
Хирохито өртөөний талбайн зах руу орох үес Пу И-д
- Өвөг дээдэс тэнь эрин зууны тэртээгээс төрийн дууллын эгшгээр танд талархал илэрхийлж байна хэмээн хэлэв.
Манжуурын эзэн хаан бүх цэргийн жанжны дүрэмт хувцас өмссөн, их Японы эзэн хааны хамт хүндэт харуулын өмнүүр өнгөрөхдөө сэтгэл ханаж, хацар нь улаа бутарчээ. Гэхдээ тэр манжуурын цэрэг гэж ерөөс байхгүй, гагцхүү Квантуны арми бийг ер тоосонгүй...
Хоёр хааны суусан сүүх тэрэг хуучин хэрмийн шороон далан, ус дүүрч, лянхуа цэцэг сэгсийтэл ургасан гууг өнгөрч ордны хашаанаа орж ирэв.
Хирохиго гурван эрдэнийн зөвхөн хоёрыг, гэхдээ дуурайлгаж хийсэн хуулбарыг нь Пу И-д өгчээ. Энэ нь дээд засаг төрийн эрс шийдмэг байдлын тэмдэг болсон илд, нарны дар эхийн тэмдэг толь ажээ. Сайн хүслийн бэлэг тэмдэг хаш сондрыг Токиод үлдээжээ. Ах дүү хоёр шашны хооронд ялгаа байх ёстой!..
Аматэрасү дар эхийн баримлыг хоёр эрдэнийн хамт Синьзинд авчирч, Пу И-гийн толгойлсон Манжуурын шиндо шашны гол сүм-Улс үндэстний сүмийг барьж эхлэв. Үүнээс хойш шиндо Манж-гогийн төрийн шашин болж, бүх ард түмэн японы эзэн хааны өмнө өвдөг сөгдөх үүрэгтэй болов. Цэргийн хуаран, сургуулиудад бурхныг бий болгов.
Таракасүки ордонд ирж, торгон илгэн хавтаснаас шиндо шашинд хамаарах хуулийн төсөл гарган их эзэн хааны өмнө тавиад,
- Үүнийг батлах хэрэгтэй гэв.
Хуульд шиндог Манж-гогийн төрийн шашнаар зарлан, энэ шашны үйл ажиллагаанд тоомжиргүй хандаж, бурхан шажинд үл итгэх байдал гаргасан харьяат албат иргэдийг нэг жилийн хугацаагаар хорьж шийтгэн арга хэмжээ авахаар заажээ.
Эзэн хаан хуулийг баталж гарын үсгээ зурлаа. Таракасүкийн авчирсан бүгдэд гарын үсгээ зурдаг ажээ. Ерөнхий сайд Пу И-гийн хувийн тамга дарж хуулийг хүчин төгөлдөр болголоо.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.03.17 6:20 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Жан Сюэлянгийн армийн цэрэг, Их эзэн хааны төрийн эхэн үеийн гучин сая ард түмний дундхи элсний ганцхан ширхэг Чан Фэнлин бас манжуурын хааны харьяат албат болов. Мүгдэнгийн Хойт хуарангийн цэргүүд санд мэнд зугтсан есдүгээр сарын тэрхүү аймшигт шөнөөс хойш Чан удаан тэнэж, хойт зүгийг барин явсаар, хамт явсан баг цэргээс хоцорч, армийг бүрмөсөн орхихоор шийджээ. Одоо түүнийг цэргээс, орголоо гэж шийтгэл хүлээлгэх эзэнгүй гэдгийг мэдэж байв. Тэр нэгэн японыд мод бэлтгэж, төмөр замд татаж өвөлжөөд хавар нь авс, мебель зэрэг модон эдлэл хийдгээрээ алдартай, ялангуяа хойт Хятад даяар цуутай авс хийдэг Ляодун хотод иржээ. Цэрэгт байснаас хамаагүй дор амьдралтай ч гэсэн таваг цагаан будааны мөнгө олж дөнгөхтэй байв. Гэхдээ тэр будаа нь урьдынх шиг биш ээ. Манж-гогийн харьяат нарт дээд зэргийн цагаан будаа идэхийг хориглож муу будаа нийлүүлж байсан боловч, хэдий муу ч, будаа л гэсэндээ ходоодны булан бөглөж, гол зогоож болохуйц бүлгээ. Хотын бүх арван наймаас дөчин тав хүртэлх насны эрчүүдийг барилгын ажилд дайчлах зар тарж, муу юм болов. Нуугдаж амжсангүй. Бүгдийг толгой дараалан барьж, өртөөний дэргэдэх том том пинд хөөж орууллаа.
Эхлээд халуун нар, аагим халуунд хойт зүг рүү автомашины зам тавив. Анги болгоныг баривчлагдагсдын нэгэн адил япон цэргүүд харгалзан дан ганц будаагаар хооллоно.
Зам барих ажлыг шар ногоон өнгийн хүлхгэр хувцастай, японы армийн ахмад цолтой, ажилд махруун, сэргэлэн байрын жижигхэн инженер удирдаж байв. Тэр том планшет биендээ үргэлж авч явна. Барьж буй замыг өргөн хар зураасаар тэмдэглэсэн том масштабын газрын зураг планшет дээр байна. Замын зурагны дээд буланд, таних тэмдгийн ойролцоо "Кондо" буюу эзэн хааны зам гэсэн үг бичээстэй байх бүлгээ.
Теодолиттэй сапёрын цэргүүд зам тавих чигийг тодорхойлон, Ямато орны үндэсний билэг тэмдэг-дугариг улаан нарыг дунд нь байрлуулсан гандмал цагаан дарцагтай урт хулсан саваануудыг хатган ангиас түрүүлэн явна.
Тариачдын шош, тарвас, хүнсний ногоо тариалсан, ургац нь бэлэвсэрч байгаа талбайг үл хайхран гагцхүү газрын зургаар чиг барин зам тавина. Сапёрчид замд тааралдсан онцгой зайдуу ганц нэгэн байшинг уг дуугүй буулгана. Тариачид эзэн хааны замаас новшоо шалавхан холдуулж зайлуулна...
Шош торгомсог шаргал шүхрээ задалж, шинэ замын хажуугаар ханаран ургах нь төрсөн тосгоных нь ойролцоо байдаг Шаньсийн битүү хулсан шугуйг Чанд санагдуулна... Замын хажуугаар бас янгүйзүүд буюу далайн чанадаас ирсэн чөтгөрүүд хэмээх богинохон винтовтой цэргүүд зогсоно. Тэдний хувцас боловсорч буй шошийн өнгөтэй нийлэн, ялгагдах юмгүй. Ажилчдыг хатуу чанд хамгаалж байсан боловч, энэ халуун тамаас орговол яасан юм гэж Чан цаг үргэлж бодсоор байв... Шошийн ширэнгэнд нуугдахад амар. Гэтэл Чанаас хэдэн ажилчин өрсөж, зугтахыг оролдов. Тэднийг харуулынхан харж, араас нь гал нээж хөөв. Бүх ажилчдыг зам дээр түрүүлгээ харж хэвтүүлэв.
Оргосон дөрвөн хүний хүүрийг авчирч газар шидэв. Тэдгээр үхдэлийг үдэш болтол энд байлгасанд, нүүрээр нь ялаа үймнэ. Хоёр нь оргож амжсан гэж ярилцах боловч, магадгүй бас алагдаад шошийн ширэнгээс олдоогүй ч байж болох юм.
Энэ явдлаас хойш Чан оргох зүрх хүрсэнгүй.
Намар болохын үес тариачид ургацаа хурааж, талбай нүцгэрэн эргэн тойрон эзгүй хоосон болж, шошийн ширэнгийн оронд тарианы ёзоор ёрдойн үлджээ. Удалгүй хураасан шошийн хамт зүгтах горьдлого бас алга боллоо. Удалгүй барилгачдын ангиас аль хүч тэнхээтэйг нь шилж, битүү бэрзээнтэн бүхээгтэй ачааны тэргэнд суулган харанхуй шөнөөр нэг тийш ачиж явав. Тэдний дунд Чан оржээ.
Үүрээр машины цуваа талбайн дунд зогсов. Бүх хүмүүсийг хэдэн давхар торон хашлагатай цулгүй хашаанд хөөж орууллаа.
Эхлээд ханаа дагасан ханзтай, хэд хэдэн урт модон байшин барьж, шон суулгаж, өргөст тор татав. Шонгийн цуваа алсад тэнгэрийн хаяатай нийлэн, цаашлан бараа алдрах бөгөөд тэрхүү алсад өөр ажилчид ажиллаж байв. Энэхүү тор татсан уудам дэлгэр талбайг япончууд хориотой бүс гэх бөгөөд үүнээс гадагш гарахыг алах ялаар сүрдүүлэн хоригложээ.
Хүмүүс энд яг торгоны хүр хорхой шиг, гэхдээ торгоны мяндасны оронд өргөст утсаар өөрийгөө баглаж байна гэж Чанд бодогдоно... Торон хашааг барьж дуусмагц ажилчдыг хаалттай бүсийн төв рүү авчрав, Сүм дацанг ёроолд нь хийвэл орой нь харагдахааргүй тийм гүн газар нүх хэдийг ухав. Тэдгээр ухсан газраас нэлээд зайтай, эгц далантай урт гуу ухаж, ирмэг хяраар нь бас өргөст тор татав. Түүгээр ч зогсохгүй шороон далангийн дотор талаар төмөр бетоноор өндөр бат бэх хашаа босгов. Япончууд энэ цулгуй газар юу барих гэж байгааг хэн ч үл мэднэ. Гадаад ертөнцөөс таслагдсан хүмүүс хаана байгаагаа ч мэдэхгүй, гагцхүү уурын тэрэгний алсад дуугарах дууг, салхигүй өдөр дугуйных нь тачигнах чимээг сонсож, үүгээр ойрхон төмөр зам өнгөрдөг юм байна гэж ярилцана.
Өдөр бүр өглөөнөөс үдэш бодтол цэргийн машин нууц барилгын чулуу, тоосго, мод тэргүүтнийг зөөн авчирч, ухсан газрын дэргэд барилгын материалын уул овоо бослоо.
Замын барилга дээр байсныг бодвол энд хоол сайтай, ажил нь ч их хүнд байв. Далайн чанадаас ирсэн чөтгөрүүд яагаад ч юм ихэд яарч, хэд хэдэн ээлжээр хорин дөрвөн цагаар ажиллуулав. Энэхүү ажлын эрч өвөл болоход буурсангүй. Хүйгэнд чулуу шиг хатуурсан хөлдүү газрыг зээтүүгээр элтлэн, түрдэг тэргээр дээш гаргахад салхи шуугин, цас нүүр алгадан хайрна.
Манж-гогийн их эзэн хаан Генри Пу И-гийн хаанчлалын буюу Кан Дэгийн он тооллын гуравдугаар он гарлаа.
Цаг дулаармагц суурь тавьж, хана босгож эхлэв. Гэхдээ ханыг газрын гадаргуугаас дээш өндөрлөхийн өмнө боолтоор боосон цул хүнд таглаатай, тогоотой төстэй асар том дугариг төмөр цилиндр савнуудыг намхан чиргүүл дээр ачиж, хүнд даацын машинуудаар авчирч, ямар ч хаалгаар багтахгүй том эд тул хана босгоогүй байхад байшингийн суурин дээр тавилаа.
Учир нь ойлгогдохгүй эмх замбараагүй ажлын явцад аажим аажмаар барилга байгууламжийн ирээдүйн дүр төрх тодорсоор байв. Хэдэн сарын дотор энд зориулалт нь үл ойлгогдох барилгууд сүндэрлэн бослоо.
Битүү тэгш өнцөгтийн төвд гурван давхар байшин, хашааны дотор шорон шиг бат бэх түгжээтэй төмөр хаалга болон төмөр тортой жижиг цонх бүхий олон жижиг өрөөтэй том корпус бослоо.
Хятадын цэрэг байсан, одоо газар ухагч барилгачин болсон Чан Фэнлин энэ бол үнэндээ хэдэн зуун хүнийг хорих шорон гэдгийг яаж мэдэх вэ дээ...
Зарим барилгын уудам саруул тасалгааны голд гагцхүү толгой бөхийн орж болохуйц намхан төмөр хаалгатай, бүдүүн төмрөөр хийсэн, адгуус амьтны сараалж тор байна. Хотхонд орох хаалганы дэргэдээс газар доогуур өргөн хонгил явж, шоронгийн корпусын газар доорх давхартай холбогджээ.
Шоронг халхлан далдалсан захиргааны байшингийн газар доорх давхрын ханын дагууд шувууных мэт, гэхдээ оготно ч гарахааргүй шигүү төмөр тор татсан олон жижигхэн сараалж бас байх ажээ.
Бетонон хаалтны цаана халуун ус, бие засах өрөө, том саруул цонх бүхий байртай ердийн орон сууцны барилгууд бослоо. Эндхийн байшин барилгын олонх нь ийм барилга ажээ. Хэрэв үл ойлгогдох тогоо, амьтдын сараалж тор бүхий барилга, мөн түүнчлэн доторхи давхар хашаанд орших шоронг үл оролцуулбал, энэ зэлүүд бөглүү газар нэгэн жижигхэн тохилог сайхан хотхон бий болжээ гэж бодож болохсон...
Барилга байгууламж дуусах дөхөх тутам японы цэргийн эрхтнүүд энд байнга ирэх болов. Тэд байшин барилгаар явж үзэн, тушаал шийдвэр өгөх бөгөөд эцэс төгсгөлгүй яаруулж шавдуулах боловч эргэн тойрон хог новш шохой, хагархай туйпуу уул овоо шиг хөглөрч, бас зарим барилгын дээвэр тавигдаагүй байв. Чан бусдын хамт барилгын хог цэвэрлэх болов. Үүгээр тэдний ажил шувтрах нь илхэн байв. Одоо тэднийг хааш нь аваачих бол. Бүр гэр гэрт нь буцаах мэтээр ч ярилцана.
Чан нэг өдөр гол корпусын ойролцоо хог цэвэрлэж байв. Тэр нэг хүний хамт дамнуурган дээр чулуу хийн, орцын ойролцоо дамжлан явж байтал, бэрзээнтэн бүтээлэгтэй ачааны машин ирж дэргэд нь зогсов. Япон цэргүүд бэрзээнтийг сөхсөнд торон дотор баахан үхэр оготно харагдав. Нэг цэрэг Чаныг хараад гараар занган хашгирсанд ажилчид яаран холдов. Гэвч Чан машины тэвшин дотор тус бүр үй түмэн урт сүүлт үхэр оготно язганан буцалсан нэлээд -олон сараалж тор байхыг харж амжжээ. Үхэр оготнууд торыг хошуугаар түлхэн, бие биесийн дээгүүр дамжин гүйлдэж, эгдүүтэй шуугилдана.
Чан олон сараар ажилласан барилгын талаарх сүүлчийн сэтгэгдэл болсон энэ бүхнийг сайтар тогтоожээ. Тэр шөнө Мүгдэнд японы гэнэтийн довтолгоо болсон үеийнхээс ч аймшигтай явдал болов.
Бүгдээр унтсан хойно, комендант олон зэвсэгт цэрэг дагуулан ирж, цөмийг сэрээж, юмаа аваад үдшийн тооллого явуулдаг байрны өмнөх талбайд цугларахыг тушаав. Харанхуй шөнө байсан тул өргөст торны цаадхи энэ лагерийг шонгийн оройны цахилгаан дэнлүү бүдэг бадаг гэрэлтүүлнэ. Цэргүүд түгшүүрийн дохиогоор боссон мэт цөм дуулга өмсөж, зэр зэвсэг агсан, сумтай цүнх бүсэлжээ. Ажилчдыг жагсааж, машинд ачиж эхлэв.
Тэр үед хэдэн япон дүрэлзсэн галтай бамбар барин ажилчдын сууц руу очиж, жижиг хувинтай бензин цацаж, дээвэр дор бамбараа хийв. Хатаж, хувхайрсан дээвэрт дорхноо гал авалцаж, хүрэн улаан гал түнэр харанхуйг нэвтлэн гэрэлтүүлж, шонгийн оройд дүүжилсэн дэнлүүний хэрэггүй, бүр саруулхан болов.
Ажилчдын хамт машин тус бүрт винтов, бороохой мэт урт, бүдүүн цахилгаан дэнлүү барьсан хошоод цэрэг суулаа. Тэр бэрзээнтийг буулгаж, машин хөдөллөө. Чан хамгийн сүүлчийн машинд суув. Тэр бэрзээнтний завсраар бадран буй түймрийн галыг харав. Зузаан бэрзээнтэн сөхөвчийг нэвтлэх мэт бүхээг дотор энд тэнд цагаан туяа тусан явтал машин эргэж, хав харанхуй болов.
Нэгэн голын эрэгт ирж зогслоо. Хажуухан талд уснаас дөнгөж цухуйх чиргүүл онгоц бараантан харагдаж, арай цаахна нь хөнгөн онгоц паржигнан дуугарна. Хотолзож гулзганасан дамжуурга шатаар ажилчдыг чиргүүл онгоцны хөндий рүү хөөж оруулав. Хөл дор ус шалчигнан дуугарч, онгоцны модон ёроолд овоолоостой чулуунд хөл халтирна. Ачаалалт удаан үргэлжилж, пиг дүүртэл нь хүн чихсэн тул хөл тавих зайгүй давчуу болов. Хамгийн сүүлчийн хүнийг түлхэн оруулмагц, толгой дээр хүнд зузаан банзан нээлхий хапхийтэл хаагдав. Чан энд шахагдан чихэлдсэн хүмүүсийг хараад, сараалжин доторхи язганасан олон үхэр оготныг санав...
Тавцан дээр цэргүүдийн хөлийн чимээ тасрав. Чиргүүл онгод савлан ганхаж, гол өгсөн чирэгдлээ. Чив чимээгүйн дунд модон хашлага цохин долгилох усны чимээ сонсдоно.
Агаар дутагдаж бүгчим боллоо. Чан толгойгоор нээлхийг өргөх гээд чадсангүй. Гэнэт тэсрэлтийн чимээ гарч, чиргүүл онгоц ганхан савлаад трюм рүү ус сад тавин орж ирсэнд үхлийн аюулд автсан хүмүүс хашгиралдан шуугив. Ус улам бүр өгсөн, хажуу талын нэгэн цоорхойгоор бас орох болов. Чан хашгирах гэтэл дуу гарсангүй. Тэр тэнцвэрээ алдахгүйг хичээж, гараа хойш болгон харанхуйд нэгэн бэхэлгээ төмрөөс шүүрэн авч, дүүжлэгдэн, урсгалтай тэмцэлдэв. Ус нэмэгдэхийн хирээр хүмүүсийн хашгиралдаан намдаж, чиргүүл онгоц улам бүр живлээ. Ус ханасан мэт хүч нь зөөлөрч, алгуурхан болоход Чан урсгал сөрөн зүтгэв. Одоо тавцан доор үлдсэн агаар усанд шахагдан түрэгдэж хөөсрөн исгэрч гадагш гарч эхлэв... Чан хажуу ханын цоорхойг тэмтрэн, хамаг хүчээ хураан, амьсгаадан явсаар алгуурхан боловч бас л хүчтэй усны урсгалыг даван туулж, гадагш гарав. Тэр уснаас цухуйж, цээж дүүрэн амьсгалж аваад, дахин шумбав. Хөлөг онгоцноос прожекторын гэрэл тусгаж, дөнгөж сая чиргүүл онгоцны байсан газрыг гэрэлтүүлж байв. Чиргүүл онгоц алга болжээ.
Чан прожекторын гэрэлд орохгүйг хичээн аль болохоор гүн шумбахыг оролдож хэд хэдэн удаа уснаас цухуйж, дахин доош орсоор, ухаан балартаж, хэрхэн эрэгт хүрсэн, элсэн дундаас цухуйх бутнаас хэдий хугацаагаар зуурч хэвтсэнээ үл санана. Ус дүүрч хүмүүс хашгиралдсан нөгөө трюм дотор бэхэлгээ төмрөөс зуурсаар байх шиг санагдсаар авай.
Тамирдсандаа хөл нь гуйван босож, өндөр эрэг дээр гараад, гэлдэрсээр нэгэн онцгой айлд шөнө дунд хүрч, хаалга тогших ч тэнхэлгүй, босгонд нь ойчив.
Гэрийн эзэн Чаныг өглөө үзэж, том хүүтэйгээ хамжин оруулж, өчигдөр оройныхоо илчийг алдаагүй байсан ханзан дээр тавиад тохиолдсон явдлаа ирсэн хүн өөрөө ярихыг нь чагнаж, чимээгүй хүлээв. Чан хэр тамхины тариалан дээр ажиллаж байгаад буцаж явтал өөрсдийгөө загасчид хэмээн нэрлэсэн хэдэн хүнтэй тааралдаж гол гаргуулах гэтэл тэд дээрэмдэж, алахыг завдмагц, мулт үсрэн ус руу орж амь гарав гэж ярив... Чан шөнийн болсон явдлыг хэнд ч ярихгүй байхаар шийдэв. Эс тэгвэл далайн чанадаас ирсэн чөтгөрүүд дуулаад, эрж олж, алах болно. Манж өвгөнд тариалангийн талбай хаана байсан, ямар суурины ойролцоо дээрэмдүүлснээ хэлж эс чадав. Чан одоо хаана байгаагаа мэдэхгүй байдаа. Тойруу замаар өвгөнөөс асууж байж, хамгийн ойрын хот Харбин гэдгийг мэдэв. Гэхдээ өвгөн өөрөө хот орж огт үзээгүй, тэр ч байтугай төмөр замыг ч үзээгүй гэнэ. Энд бөглүү газар ажээ.
Япончууд олон сар өргөст торны цаана барьж байгаад нууцаа хадгалах гэж хуучин чиргүүл онгоцтой живүүлэн алсан цэргийн барилгын ажилчдын сүйрлийг нүдээр үзсэн цорын ганц гэрч бол Чан гарцаагүй мөн. Гэвч Чан фэнлин энэ нууцын учир юу болохыг мэдсэнгүй. Тойруулан гуу ухаж, өргөст тор татаж, барьсан нөгөө том том барилгуудад "Квантуны армийн штабын ус хангамж, эмнэлгийн урьдчилан сэргийлэх албаныг удирдах газар" байрласныг мэдсэнгүй. Мэдсэн бол, ус хангамжинд нууцлах юу байдаг юм гэж гайхах байсан биз...

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.05.17 12:56 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ИНТООРЫН БАЯРААР

Коноя Мозакүра-химэ хэмээх урт, дуудахад бэрх нэртэй гүнж Японы бүх арлаар урдаас хойш аялан, түүний ойртон ирж яваа тухай мэдээг бүх сонин, тэр ч байтугай хамгийн нэр хүндтэй том сонинууд ч өдөр болгон нийтэлсээр байлаа. Шидэт гүнж аялах замдаа турьхан соёолдсыг цэцэг болгон хувиргасаар Киото, Нагоя, эцэст нь Токиод айлчлан ирлээ. Хамгийн гоё, хамгийн баясгалант цэцгийн баяр-цэцэглэж буй интоорын баяр эхэллээ.
Баярын өдрөөр гэйша нарыг урина гэж бодохын ч хэрэггүй, тэднийг олох гэж бөөн өрсөлдөөн болох учир бүр хэдэн өдрийн урьдаас Коноя Мозакүра-химэг нийслэлээс хол явах үед урьдчилан захиална.
Доктор Зорге тусдаа суух байр удтал эрж хайсны эцэст Нагасакийн гудамжинд Акабү-күгийн нам гүм районд нэгэн байшин олж, салахын түүс болсон зочид буудлаасаа сая нэг гарав. Уламжлалт энгова хэмээх ханаа дагасан саравчтай тоглоомын гэмээр шахам, хоёр давхар бяцхан энэ байшинг Токиогийн нэгэн язгууртны уудам том байшингийн хаяанд барьжээ. Ийнхүү айл бууснаас байшин нь удам ч жижиг, улам ч доожоогүй харагдана. Хэтэрхий нарийхан, машин бүү хэл, хүн хөлгийн тэрэг ч багтахгүй давчуу хавчиг гудамжаар явж байшинд хүрнэ. Гудамжинд хулсан саваагаар хэц хийн угаасан юмаа тохож хатаана. Гудамжны голоор дэвссэн банзыг шавар шавхай бүрхэн хатжээ. Нагасакийн гудамжнаас харахад тарьсан мод, хашаа хоёрын дээгүүр байшингийнх нь дээвэр, дээд давхрын цонх л харагдана. Энд шинэ сууцаа доктор Зоргегийн сонгон авахад энэ байдал багагүй чухал үүрэг гүйцэтгэв. Зорге гудамжнаасаа хол, тэгэхдээ цонх нь холоос харагдаж байх чухам ийм сууцтай болохсон гэж хүсэж байсан билээ.
Гудамжаа нэлээд өгсөөд, зам хөндлөн гарахад цонхондоо төмөр тортой цагдаагийн газрын байшин, түүнээс цаашлаад жижиг дэлгүүр, мухлаг, оёдолчны газар залгаж, дэнлүү, зарлал, хаяг салаавчлах нь Токиогийн хэвийн нэг байдал билээ. Зөвлөлтийн элчин сайдын яам холгүй орших тул Рихард хотын төв орох замдаа дэргэдүүр нь олонтоо гарна. Байшин нь хашааны гүнд орших бөгөөд дааман хаалга нь онгорхой байдаг байв. Гэвч Зорге тэр байшинд орж огт үзээгүй билээ. Германы элчин сайдын яам бас холгүй оршино.
Зорге Нагасакийн гудамжинд шилжин сууснаас хойш үерхдэг танил нөхдөө нэг бус удаа гэртээ цуглуулсан авч шинэ сууцанд орсноо албан ёсоор тэмдэглэхээр шийдээд, түүнээ интоорын баяртай хамсгав.
Зочдын дунд "Фелькишер беобахтер" сонины сурвалжлагч элчин сайдын яамны нацист байгууллагын толгойлогч Бельгийн вангийн үеэл дүү, ван Альбрехт Урах байлцав. Өндөр цол, албан тушаалын цогцолбор болсон Урахын туслалцаатайгаар Рихард намд элсэн орж, пижакныхаа энгэр дээр нацист тэмдэг байнга зүүж явдаг болжээ. Элчин сайдын яамны тэнгисийн цэргийн атташе Пауль Веннекер, цагдаагийн атташе Хуберт зэрэг элчин сайдын яамны бусад ажилтан, танил сурвалжлагчийн гэр бүлийн хамт иржээ. Энэ найр цэнгээнийг хийхийн үндэс болсон Озаки Хозүми, Мияги Иотокү, Бранко Вукелич нар энд бас байлаа.
Эхлээд хөгшин нарс мэт том, цэцэглэж буй интоор үзэхээр Мүияжимагийн цэцэрлэгт хүрээлэнд очив. Интоорын орой нь цөмбийн ягаарч сүлжилджээ. Тохиролцсон ёсоор энд гэйша нартай уулзав. Ягаан цэцэг хатган оёсон цайвар кимонотой залуу хүүхнүүд ч бас цэцэглэж буй интоортой төстэй байлаа. Тэд дараа нь лянхуа цэцгийн баяраар цагаан кимоно өмсөж, цахилдаг болох үеэр хувцасны нь өнгө хөх ягаан болж, дараа нь шиватих цэцгийн өнгөтэй болно... Олон зуун жилээр сахин дагаж ирсэн ийм уламжлалтай ажээ.
Бүрий болж байхад Нагасакийн гудамжинд олон янзын машинаар ирцгээв. Энд газар сайгүй орох хаалга, цонхон дээрх шавар вааранд дэлбээгээ нээж амжаагүй интоорын мөчир хийжээ. Олон шил дарс сулласны дараа хөгжөөн шуугиантай болов. Эзний гар сул ч гэж жигтэйхэн! Их ч ууцгааж, хөгжилтэй шуугиантай баясаж, шөнө дөл өнгөрсөн хойно сая тарж эхэлцгээв. Хэсэг хэсгээр тарж явлаа.
Зөөлөн сандалд шигдэн тугдайсан Миягийг сэрээх гээд чадсангүй. Тэр согтуугаар нэг юм амандаа бувтнаад, дахиад унтаад өгөв.
Гейшүүд алгаараа өвдгөө даран тонголзон мэхэлзээд гарч явахад тэднийг хуучны ёс заншлын дагуу дэнлүү барин гадаа хаалга хүртэл гаргаж өгөв. Сүүлчийн зочид дайллага өндөрлөн босоход Рихард тэднийг үдэхээр гуйвж дайвсаар гарав. Үүдний тотго тулан учир шалтгаангүй хөхөрч, зочдын хойноос гараа доёгонуулаад өрөөндөө орж, үүдээ түгжив. Байранд Рихард Зорге, унтаж байгаа Мияги, сүүлчийн хундагыг тогтоохоор хоцорсон Вукелич, Озаки дөрвүүл үлджээ. Очирт таягаар дохин илбэдсэн мэт дөрвүүл гэнэт эрүүл боллоо. Зорге ийш тийш харснаа сэжигтэй юу ч эс харагдах тул дээш гарахыг урилаа. Бяцхан тасалгаа хана дагуулан тавилсан номын олон тавиураас болоод бүр ч давчуу юм шиг санагдана. Цонхны наанах бичгийн ширээн дээр том Аминдаваа бурхныг дуурайлган хийсэн хүрэл бурхан лянхуа цэцгийн дээр хөл завилан суужээ.
- Бидэнд ярилцах хэрэг байна. Ийм бололцоо дахиад мөд олдоо ч уу, үгүй ч үү. Үүрэг даалгавраа хуваарилж тодотгох хэрэгтэй. Бид яах гэж энд байгаа билээ? гэж Зорге эрүүгээ бодлогошронгуй базан асууснаа, өөрөө хариулсан нь:
- Дайны эсрэг тэмцэхийн тулд, нацист Германы түрэмгий төлөвлөгөөний эсрэг, Японы дайнчдын эсрэг тэмцэхийн тулд энд байж байна. Энэ бол гол зүйл. Бид бол Японы дайсан биш ээ. Япон, зөвлөлтийн хооронд гарч болзошгүй дайныг гаргуулахгүй байхад туслахын тулд бид бололцоотой бололцоогүй бүү зүйлийг хийх ёстой. Бид энэ ариун, өндөр үүргийг биелүүлэх ёстой. Би ийм үг хэлэхдээ айхгүй...
- Таны хэлдэг зөв, чухамхүү ариун үүрэг мөн! Бидний тэмцлээ эхэлж байгаа энэ өдөр, яг одоо энэ үгийг та хэлсэн нь их сайн, зүйтэй болов. Тийм ээ, бид эх орончид болохоос биш, Японы дайсан биш! Миний тухай юу гэж ч бодвол бодог, гэхдээ би өөрийн сэтгэл санааны өмнө цэвэр ариун, Рихард, миний гарыг барь гэж Озаки сэтгэл хөдлөн хэлээд гараа сунгав.
Түүний гар Рихардын палигар том алган дотор живэх мэт болов. Вукелич, Мияги хоёр дээр нь гараа тавилаа.
Москва өөрийнх нь бүлгээс юу хүлээж байгааг Зорге нөхдөдөө дахин хэлэв. Япон улс Манжуурын хилээр Зөвлөлт улсад халдан довтлох гэж зэхэж байна уу, үгүй юу? Үүний тулд Япон хуурай замын ба тэнгисийн хүчээ базаан зэхэж буй эсэх! Гитлерийг засгийн эрхэнд орсны дараа Япон, Германы харилцаа ямархуу янзтай болж байна? Хятад, Англи, Америкийн нэгдсэн улстай харилцахын хувьд Японы бодлого ямар байгаа? Олон улсын тавцан дээр Японы бодлогыг ямар хүчин хөдөлгөж байна вэ? Энд цэргийнхэн болон хамгийн түрэмгий үзэл бодолтой бүлэглэлийнхэн ямар үүрэг гүйцэтгэж байна? Японы аж үйлдвэр, нийт эдийн засаг нь цэргийн шугамд шилжиж байна уу, үгүй юу? гэдгийг магадлан мэдэхийг төвөөс даалгажээ.
Зорге хариулт шаардагдаж байгаа зорилтуудыг нэгд нэгэнгүй тоочив.
- Гэхдээ тавьсан асуултанд хариулахын урьд бид маш олон зүйлийн учрыг мэдэх хэрэгтэй. Бид зөвхөн "шуудангийн хайрцаг" болж, хэн нэг хүний мэдээг дамжуулах цэг байж таарахгүй. Бид өөрснөө мэдээлэгч эх сурвалж байх ёстой. Үүний тулд бид нөхцөл байдлыг маш сайн судалж, бидний анхаарлыг татаж байгаа салбар бүрийг арван хуруу шигээ мэддэг эрдэмтэн, шинжлэн судлагч, жинхэнэ мэргэжилтнүүд болох хэрэгтэй гэж Зорге хэлэв.
Үүнээс урьд Зорге хүн тус бүртэй ажил төрлийнх нь талаар тусгайлан ярилцсан билээ. Озаки Хозүми бол Хятадын талаарх мэргэжилтэн, нэр төр, хүндэтгэл, итгэл хүлээсэн хүн. Энэ нь түүнд Японы эрх баригч хэсгийнхэнтэй ойртох бололцоо олгож байлаа. Озаки юуны өмнө Японы засгийн газар, жанжин штаб, цэргийн яамны сайдын төлөвлөгөөний талаар мэдээ олж авах ёстой. Энэ бол цаглашгүй бэрх ажил гэдэг нь мэдээж. Гэхдээ том сонины нэрд гарсан тоймч Озаки үүнийг бусдаас хялбархан амжуулж чадна.
Мияги цэргийн эрхтнүүдтэй холбоогоо зузаатган барьж, улс орны дотоод амьдралыг ажиглаж, баримт мэдээ цуглуулан баяжуулаад дүгнэлт хийх ёстой.
Бранко Вукелич сурвалжлагч нартай холбоо тогтоож нэгэнт амжсан болохоор англи, франц, америк сэтгүүлчдээс алс Дорнодын асуудалтай, ялангуяа Зөвлөлт Японы харилцааны хэтийн төлөвтэй холбогдуулан өрнөдийн орнуудаас явуулж байгаа бодлогын талаар мэдээ цуглуулах болно. Зорге өөрөө нацист Германаас Японы засгийн газартай тогтоосон хэлхээ сүлбээг судлах үүрэг авчээ. Маш их зүйл шалтгаалах олон улсын бодлогын язгуур шугамууд үл үзэгдэх аварга том өсгөгч шилний соливцлын цэгт цугларах адил энд хуран цуглаж байлаа.
Төвийн даалгавар биелсэн олон жилийн хойно интоор цэцэглэлтийн баяраар далимдуулан хийсэн энэ уулзалтыг Зорге ийн дурсан бичжээ.
"Би Японы судалгааг ном, сэтгүүлийн өгүүлэл уншсанаар хязгаарлаж байгаагүй. Юуны өмнө, аливаа нэг мэдээг дамжуулах, шүүн хэлэлцэхэд оролцож байсан Озаки, Мияги нартай уулзаж байснаа дурдах ёстой. Надад нэлээд хүнд санагдсан аливаа бодит, чухал асуудал өөр бусад оронд болсон мэт төстэй явдалтай онож харьцуулах юм уу эсвэл Японы түүхийн гүнд орон ярилцсаны эцэст тэс өөр болон хувирах нь олонтоо байдагсан. Японы болон дэлхий дахины түүх, улс төрийн бодлогыг ер бусын гарамгай сайн мэддэг, өргөн их мэдлэг боловсролтой Озакитай уулзаж ярилцахад ажилд үнэлж баршгүй тус болдог байлаа. Чухамхүү түүний тусламжаар төр улсыг жолоодоход цэргийн дээд тушаалтнуудын гүйцэтгэдэг онцгой, өвөрмөц үүргийн тухай буюу Гэнро хэмээх төрийн зүтгэлтнүүдийн Нууц зөвлөлийн шинж чанарыг тодорхой мэдэх болсон юм. Эзэн хааны дэргэдэх Нууц зөвлөл нь үндсэн хуулинд заагаагүй ч, үнэн хэрэг дээрээ Японы улс төрийн хаягийн нөлөө бүхий байгууллага болж байлаа...
Миягийг байгаагүй бол би японы урлагийг хэзээ ч ойлгож чадахгүй байсансан. Бид хоёр үзэсгэлэн, музейд уулзалддаг байсан болохоор манай тагнуулын ажлын талаар юм уу, эсвэл улс төрийн цаг үеийн үйл явдлын талаар ярилцах байснаа Японы юм уу, Хятадын урлагийн салбарт хийх аяллаар солин, хоёрдугаарт тавихаас ер буцдаггүй байв...
Тус орныг судлах нь сэтгүүлч миний хувьд багагүй ач холбогдолтой, тэр дундаа дээд сайнд тооцогддоггүй, дунд зэргийн германы сэтгүүлчид энэ орны тухай нарийн мэдлэггүйгээр дэвжин дээшлэхэд бэрх байсан биз. Японыг сайн мэддэг болсны хүчээр Германд намайг Японы талаар хамгийн сайн бичдэг сурвалжлагч гэх болсон юм. Миний орон тоонд нь багтдаг "Франкфуртер цайтунг" сонины эрхлэгч намайг өгүүллэгүүдийнхээ ачаар олон улсын нэр алдрыг олсон гэж магтах дуртай байв. Чухамдаа л сэтгүүлчийн хувьд тун их нэр алдартай байсны улмаас Германы Гадаад явдлын яам намайг хэвлэлийн атташе гэсэн тусгай өндөр албан тушаалд ажиллахыг санал болгосон юм... Түүнээс гадна миний сэтгүүлчийн алдар цуунаас болж Германы янз бүрийн тогтмол хэвлэл өгүүлэл бичиж өгөхийг хүссэн үй түмэн гуйлт ирүүлэх болсны дээр "Франкфуртер цайтунг", "Геополитика" хоёр намайг Японы тухай ном хурдан бичиж өг гэж шалдаг байв...".
Энэ бүхнийг Зорге хожим бичсэн билээ. Тэр үед гучин дөрвөн оны хавар түүний хамаг бодол санаа өөрийн бүлгийг зохион байгуулахад чиглэжээ. Улс төрийн нөхцөл байдал улам ээдрээтэй болж, цаг хугацаа хүлээхгүй байв.
Японд фашист хандлага туйлын тодорхой гарч ирж, цэргийн эрхтнүүд засгийн эрх рүү тэмүүлж байв. Улсын бүх бодлогыг засгийн газар цэргийн эрхтнүүдийн оролцоотойгоор тодорхойлж байх ёстой гэж Цэргийн яамны сайд Араки Танхимаас шаардаж байв.
Цэргийн эрхтнүүдийн энэ шаардлагыг Зорге өөр үзэгдэл, баримт явдалтай холбон үзэв. Ноднин жил улсын төсөвт цэргийн зардал ихэд өсөж хоосорсон тосгонуудад эдийн засгийн тусламж үзүүлэх зүйл ангийг хасахад хүрчээ. Дараа жилийн төсөвт бүх зарлагын бараг тэн хагасыг цэргийн хэрэгцээнд төлөвлөлөө. Тэнгисийн флот, хуурай замын арми улам бүр шинэ хөрөнгө зарцуулахыг шаардах болов.
Цэргийн төсөв гэдэг юу болохыг Рихард мэднэ. Буудахын тулд их бууг хийдэг. Тэгвэл хааш нь буудах вэ? Гитлерийн Германд бас цэргийн машин бэлтгэж, их буу шар тосноос илүү хэрэгтэй гэж хашгиралдаж буй цаг.
Японы цэргийн яам: "Дайн бол бүтээн байгуулалтын эцэг, соёлын ээж мөн..." гэсэн үгээр эхэлсэн товхимол хэвлэн гаргажээ.
Энэ бүхэн сэжиг төрүүлж, нэмэлт шинжилгээ, судалгаа, нягтлан задалж үзэхийг шаардав. Тэр тусмаа мужийн захирагчдын зөвлөлгөөн дээр генерал Араки ил цагаан мэдэгдсэн нь:
"Төрийн бодлого явуулахдаа Япон улс Зөвлөлт улстай гарцаагүй мөргөлдөх учир Приморье, Өвөр Байгал, Сибирийн дэвсгэр нутгийг эзэмшиж авах нь чухал..."
Эдгээр үг Зоргед тодорхой болов.
Цэргийн сэтгүүлд Араки бүр ч эрээ цээргүй бичсэн нь:
"Монгол бол Дорно дахины Монгол байх ёстой... Эзэн хааны буюу "Кондогийн" зарчим дэлгэрэх үед Монголын асуудал манжуурын асуудлаас илүү түвэг удаж магадгүй.
Гэхдээ эзэн хааны замын дайсан удахгүй гарч болох тул бид дайсан этгээдийг хэн ч байсан таягдан хаях ёстой гэж өөрийн үзэл бодлыг энд тод, хурц, шууд тодорхойлох нь чухал байна".
Энэ өгүүлэл "Шиовагийн үеийн японы гүйцэтгэх үүрэг" гэсэн нэртэй байлаа. Шиова гэдэг бол одоогийн эзэн хаан Хирохитогийн хаанчлалын үе юм.
Генерал Араки хавар цэргийн яамны сайдаас буугаад удалгүй боловсролын яамны сайд болжээ. Үзэл суртлын асуудал хариуцсан товчоо байгуулагдаж сэхээтнүүдийг мөрдөн хавчиж эхэлсэн нь харгис хүчин газар авч байгаагийн анхны шинж тэмдэг мөн. Киотогийн их сургуулиас профессор Такикаваг хөөлөө. Тийнхүү хөөснийг эсэргүүцсэний тэмдэг болгож түүнтэй хамт профессор, доцент, багш дөчин хүн их сургуулиас гарав. Тэглээ гээд байдлыг өөрчилж чадсангүй. Шинжлэх ухаан, соёлын удирдлаганд цэргийн догшин бүдүүлэг этгээдүүд орлоо. Сэхээтнүүдийг мөрдөн хавчих явдал үргэлжилсээр байлаа.
Сэхээтний эсрэг, ажилчны байгууллагын эсрэг довтолгоон юунд хүргэхийг Зорге мэдэж байлаа. Германд бас бүх төрлийн утга зохиолоос цэргийн дүрмийг эрхэмлэн үзэх болов. Улс орныг цэрэгжүүлэх нь аюултай хэмжээ хүрээтэй болж байгаа нь тодорхой болжээ.
Япон дайнд бэлдэж байлаа. Кэнпэйтай улам идэвхжиж Японы сөрөг тагнуул дайнд бэлтгэж буйтай холбогдсон бүхнийг нууцлан хадгалахыг эрмэлзэнэ. Улсын нууцын наагуур татсан хөшгийг сөхөх гэж зүрхэлсэн хүн болгоныг цааш харуулан үгүй хийнэ.
Маш нууцгай байх тухай Зорге анд нөхөдтэйгөө интоор цэцэглэлтийн баяраар их дэлгэрэнгүй ярилцсан учир бол чухамдаа энэ юм. Энэ бол амжилттай ажиллахын нэг гол нөхцөл байлаа.
Бүр Москвад байхад ажил хэргээ хэрхэн нууцлах тухай боловсруулсанчлан тус бүлэгт оролцогчид юуны өмнө өдөр тутмын амьдрал, ахуй, ажил дээрээ юугаар ч сэжиг төрүүлэхгүй байх ёстой. Тэд кэмпейтайн нууц төлөөлөгчдийн анхаарлыг татахгүй байхын тулд Японы коммунистуудтай ямар ч хэлхээ холбоо барих ёсгүй байлаа. Хүн бүр нууц нэртэй байх бөгөөд, нууц ажлын үед жинхэнэ нэрээр огт нэрлэх ёсгүй байв. Озаки "Отто", Вукелич "Жиголо", Мияги "Жо", Рихард "Рамзай" гэсэн нэртэй болов.
Бүх тэмдэглэлээ англи хэлээр хөтөлж хэрэгцээ нь гүйцмэгц, нэн даруй устгана. Дөрвөн тагнуул тус бүрдээ өөртөө хэрэгтэй хүнийг өөрснөө олно. Тэгэхдээ тэдгээр хүмүүс удирдагч дөрвөн хүний тухай юу ч мэдэх ёсгүй...
Энэ дүрэм хөдөлшгүй хууль болов.
Байгууллагынхан хатуу чанд сахилга, маш нууц байдлыг гуйвалтгүй сахин мөрдөж байсны ачаар тагнуулчдын буруугаар ямар нэг алдаа гарсангүй. Ганц Озаки Хозүми гэхэд л Токиогийн хамгийн шинэ загварын хувцас хийдэг оёдлын газрын оёдолчин далан настай өвгөнөөс, "Хятадын эдийн засгийн асуудлын институт" гэсэн нэрийн дор нуугдаж байсан Японы тагнуулын товчооны шинэ албан хаагч залуу хүртэл нэлээд олон хүнийг хамран ажиллаж байлаа.
Төвтэй холбоо барих үүрэг зүй ёсоор Зоргед оногдож байв. Энэ бүх харилцааг англиар явуулж, радио холбоо барьсны дараа шууд устган үгүй хийж байлаа. Москваг "Мюнхен", Владивостокийг "Висбаден" гэж нэрлэнэ. Хабаровск, Шанхай, Кантон зэрэг бусад хотууд бас өөрийн нууцалсан нэртэй байв.
Радио нэвтрүүлэг, захиа бичигт нууц нэр дурдахаас биш, хэзээ ч жинхэнэ нэрээ хэлж, бичиж байсангүй.
Радиогоор холбоо барих ажил одоогоор Зоргегийн сэтгэлд хүрэхгүй байв. Техникийн гэмтэл байн байн учирч холбоо барихад саад учруулж, нэвтрүүлэлгүй хуримтлагдсан материалыг Шанхай, Гонконгоор дамжуулан элчээр илгээх хэрэгтэй болж байсан нь аюул нэмж байв. Нарийн түвэгтэй энэ ажилд дасаж амжаагүй холбоочин Бернгардтаас болж холбоо тасарч байсан байж ч болзошгүй. Рихард Макс Клаузенг улам бүр үгүйлэн дурсах болов.
Цагийн зүү шөнө дундаас хэдийн өнгөрөөд байсан авч тагнуулчид яриагаа үргэлжлүүлсээр байлаа.
- Би доктор Зоргегийн хэлсэнтэй санал нийлж байна. Бид нууц байдлыг ажил хэргээ мэдэх, задлан шинжих чадвартай хослох ёстой. Бидэнд хомхрууснаас нь цэвэрлэсэн тутарга хэрэгтэй байна. Бид өндөр албан тушаалын хүмүүст өчүүхэн ч сэжиг төрүүлэхгүй үг алдуулах хэрэгтэй. Харин ч ярилцагч хүнээсээ илүү ихийг мэдэж байгаа сэтгэгдэл төрүүлэх юм бол тэр хүн мэддэг бүхнээ өөрөө аяндаа яриад өгнө. Энэ бол сэтгүүлч хүний хуучин арга барил. Сэтгүүлч хүн ч бас заримдаа мэдээллээ тагнуулч хүн шиг олж авдаг шүү дээ гэж Озаки өгүүлээд яриагаа үргэлжлүүлэн,
- Би үүнийг өөрийн туршлага дээр шалгасан юм.
Хятадын асуудлаар зөвлөлгөө авахаар хүмүүс над дээр ирэхэд би асуултад нь хариулж, санал бодлоо хэлдэг, тэгэхдээ бас өөрөө маш олон сонирхолтой мэдээ олж авдаг... Холбооны талаар тохиролцмоор санагдаж байна. Сэтгүүлчид уулзалдахад сэжиг төрөхгүй, харин Миягитэй уулзахад гээд уран зураачийн мөрөн дээр гараа тавьж,
- Хачирхалтай харагдах болно. Надад нэг санал байна. Мияги-сан, би зургийн хичээл заалгахаар охиноо тан руу долоо хоногт нэг удаа явуулж байя. Тэгвэл бүх юм ёсоор болж, бид тантай уужуу тайван уулзаж байх болно гэв.
Озакийн хэлсэнтэй Зоргегийн санал нийлжээ. Хамаг асуудлаа хэлэлцэж дуусах шиг болов. Хүн бүхэн юу хийхээ мэдэж байлаа...
Дахиад хэдэн сар өнгөрч, Токиогийн аагим халуун зун боллоо. Тэр халууныг европ хүн бүр тэвчин тэсэх нь бэрх. Гэвч Зорге хотод үлдэж, ердөө хэдхэн удаа тэнгисийн эрэг дээр Эйген Отгынд очив. Отт тэр үед Токиогоос дөчөөд километр зайтай орших Акия сууринд, тэнгисийн эрэг хавьд гэр бүлийнхээ хамт сэлгэн суужээ. Тэдний хажууханд Зоргегийн сонирхсон хаалттай бүс оршино.
divider
Эйген Отт хэдэн долоо хоногийн өмнө Германаас амжилтаар жигүүрлэж, Гитлерт энхрийлэгдэн Токиод эргэж иржээ. Тайлан нь сайн болжээ. Оттыг цэргийн атташегийн тушаалд томилоод, төдөлгүй хурандаа цол олгосон мэдээ ирэв. Баяр хүргэсэн өчнөөн олон цахилгаан ирсний дотор Гитлерийн зөвлөх хурандаа Йодль, фон Бек, Кейтель зэрэг, олон генералаас цахилгаан иржээ. Одоо Эйген Отт дээшээ суга дэвшжээ. Ийнхүү зэрэг тушаал ахихад нь Зорге далдуур тус болжээ. Нагоя хотын япон цэргийн хуаранд хаягдсан их бууны тэр офицер, Зоргегийн туслалцаагүйгээр тийм тайлан бичиж "хүний зэрэгт" хүрч чадахгүй билээ. Отт энэ ачийг гүнээ санаж, Зоргед тун сайн болжээ, Эйген, Зорге хоёр улам бүр төө зайгүй анд нөхөд болов.
Нэг өглөө хоёул зугаалахаар гарахдаа Отт Зоргед "лейка" аппаратаа авч явахыг гуйв. Яв явсаар нэг мэдэхнээ хаалттай бүсэд орчихсон байлаа. Олон ч зураг дарж, Рихард "лейкагаа" дахин цэнэглээд, түрүү авсан хальсаа хармаандаа хийгээд, ийм завшаан ховорхон тохиолдох учир дахин зураг дарахаар завдаад, гэнэт хоёр цагдаа, энгийн хувцастай нэг хүнтэй Акиягийн зүгээс замаар ирж яваа харагдав.
- Чи бид хоёр базаахгүй байдалд орох нь бололтой хэмээн довцгийн цаанаас гарч ирсэн цагдаа нарыг түрүүлж харсан Зорге хэлэв.
Туршуулуудын харан байтал авсан зургийнхаа хальсыг гэрэл цохиулах осолтой, тэгвэл тэр дороо сэжиг төрүүлэх билээ. Гэтэл бас цагдаа нарт ийм хальсыг угааж үзэх боломж олгон үлдээхийн аргагүй байлаа.
Цагдаа нар ойртон ирэв.
Зорге хайнга байдалтай хэлсэн нь:
- Чи халдашгүй дипломат эрхтэй хүн болохоор миний авсан зургийн хальсыг хармаалчих. Аппаратыг ч бас, эс тэгвэл тийм ч амар салахгүй...
Цэргийн атташе дипломат халдашгүй эрхтэй тул Зорге авсан кассет, аппарат хоёроо Оттод Сэмхэн өгөв.
Энгийн хувцастай хүн,
- Үнэмлэхээ үзүүлцгээнэ үү! гэв.
Зорге Эйген Оттын зүг толгой дохиход Отт дипломат паспортаа гаргаж өгөв. Энгийн хувцастай хүн анхааралтай уншиж үзээд инээмсэглэн паспортыг нь эргүүлж өглөө.
- Таны паспорт хэмээн нөгөө хүн Зорге рүү эргэвэл Отт өмнөөс нь
- Энэ хүн надтай цуг яваа, элчин сайдын яамны ажилтан... Явж болох уу гэсэнд
- Баярлалаа гэж энгийн хувцастай хүн сандрангуй хэлэв.
Цагдаа нар явлаа.
- Эйген, чи аан гэж бай, чамтай цуг явахад хан уул шиг өмөг түшигтэй юм байна! Чи ч миний аминд орлоо шүү!.. гэж Зорге хэлээд тас тас хөхрөхөд
- Энэ ч миний буруу л даа гэж Отт гэмийг өөр дээрээ аван, - Нээрэн л чи цагдаа нартай орооцолдож золиг оргих байлаа шүү. За тэр ч яахав, одоо явж үдийн хоол идье. Чи хальсаа өөрөө угаадаг уу? гэв.
- Үгүй ээ, лаборантад өгдөг.
- Энэ кассетаа надад орхи. Зураг нь хэрэг болно.
- Тэг тэг гэж Рихард тоомжиргүй хариулав.
Японд байгаа Зөвлөлтийн тагнуулчдын удирдагчийг далайн эргээр зугаалах үед ямар ёозгүй юмнаас аварснаа цэргийн атташе тааварласан ч үгүй...
Орой нь сэрүүвч дотор шатар нүүж суух зуур хурандаа
- Рихард, би чамд ямар сонин юм бэлдсэнийг чи гадарлах ч үгүй байгаа байх! Маргааш элчин сайдын яаманд таван цэгт заавал очоорой. Өөр юм хэлэхгүй... Лав сэтгэл хангамжтай болно гэж мэдээрэй гэж хэлэв.
Штабын дарга нарын шинэ отряд төгсөж буйтай холбогдуулан хүлээн авалт хийж байгаа Японы жанжин штабын академид эзэн хааны армийн хамаг сор цуглажээ. Дадсан заншлаараа багш нараасаа яльгүй мятран эмээж, биеэ нэлээд барьсан төлөөлөгчдөөс гадна, энд солонгосын дайн, орос, японы кампани, сибирьт хийсэн довтолгооныг дурсан санагч хөгшин генералууд бас ирцгээжээ... Тэднээс арай залуувтрууд нь "Мүгдэнгийн будлиан" үүсгэж, өөрийн цэргийг толгойлон Монголын хил рүү хөдөлж Хятадад цэрэгтэйгээ бууж, Зөвлөлтийн хилийн дагуу Амар мөрөн - Хэйлунжянд байрлаж амжжээ. Тэдгээр хөгшин, залуу офицерууд цөм ижилхэн, биедээ эрдсэн байдалтай ажээ. Тэд бүгдээрээ эзэн хааны зам "кондо" буюу ойрын ба алсын газар нутгийг байлдан дагуулах замд орцгоож өвөг дээдсийнхээ ганц зарчим "Какко Ичио!"-г дагажээ.
Японы түүх "Ниппон-сэки" хэмээх эртний номыг мэдэх хүн бол мянга гаруй жилийн тэртээ амьдарч байсан эзэн хаан Жинмүгийн "Бүх дэлхийг нэгэн дээврээр хучиж бид гэрээ болгоё" гэсэн захирамжийг бас андахгүй.
Мандаж буй нарны оронд оршин суугч Ямато үндэстний тэнгэрлэг өвөг дээдсийн гэрээслэл ийм буюу.
Жанжин штабын академид болох хүлээн авалтанд очиж явах замдаа машин дотор Рихард Зорге Эйген Оттод яг энэ тухай ярьж явлаа. Уригдагсдын дотор энгийн хэдхэн хүн байсны нэг нь доктор Зорге байлаа. Токиод улам бүр нэр нөлөөтэй болсоор байсан хурандаа Отт энэ талаар санаа тавьсан байжээ.
Академид урилга авах хүндэтгэл хүлээсэн цэргийн олон эрхтэн цугларчээ. Тэд хувцасны өлгүүрт малгай, илд хоёроо орхиод, хурлын танхим руу орж, хаан ширээндээ ёслолын хувцастай залран буй эзэн хааны хөрөгт юуны өмнө мэхийн ёсолно.
Отт хурлын танхимд орохдоо Рихардад шивнэн хэлсэн нь:
- Би чамд өнөөдөр олон сонин юм үзүүлнэ. Харин надаас бүү хоцроорой...
Зочдыг академийн дарга, одон ярайтал хадсан тууз мөрөн дээгүүрээ зүүсэн, бүр зөнөсөн генерал хүлээж авав, Бусад генерал ч эзэн хаан Хирохитогийн хайр хишгийг бишгүйдээ хүртэж, энгэр дүүрэн одон зүүжээ.
Хурандаа Отт, Рихард Зорге хоёр цуглагсдын дунд нуруугаар ялгарч, аль ч япон генералаас бүтэн толгой өндөр харагдаж байв. Хоёул ёсорхон мэхэлзсээр бөөн бөөн цэргийн эрхтэн дундуур сүлжин урагш ахив. Хариуцагч зуйрган хошууч залуу, хурандаа Оттыг генерал Аракийн оронд болсон сайдад танилцуулахаар дагуулан явав. Тэр бас гарамгай гавьяа байгуулсны учир шагнуулсан туузаа зүүж гоёжээ. Энд жанжин штабын дарга, цэргийн зөвлөхүүд, эзэн хааны цэргийн зөвлөлийн гишүүд, флот командлагч, түүний штабын дарга... нар байлаа. Цөм мэхэлзэн, инээмсэглэж, гар барьцгаана...
Нөгөө хошууч хаашаа ч юм алга болж, хурандаа Отт доктор Зоргетэй зоргоороо болов. Одоо Отт Зоргег дагуулан явж цэргийнхэнд танилцуулах юм уу, эсвэл өөрөө танихгүй генералуудын нэр усыг хэлж өгнө. Тэдний заримыг Рихард аль түрүүний мэдэж, заримын нь тухай дуулсан авч, олонхийг нь танихгүй ажээ.
Богинохон зассан ширвээ сахалтай, өргөн магнайтай, генералыг Отт сэмхэн зааж:
- Генерал Тожио. Цэргийн хамгийн шийдэмгий хэсгийг төлөөлдөг хүн... гэв.
- Квантуны армийн командлагч, генерал Хонжио... Зэрэг тушаал ахиж, эзэн хааны хиа болох сурагтай...
- Энэ бол Манжуур дахь шиндо шашны тэргүүн, Квантуны армийн цагдаагийн газрын дарга Таракасүки хэмээн хажуугаараа гарсан генералыг Отт заан хэлэв.
- Эзэн хаан Мэйжийн охинтой суусан хуантайз Асаки гэдэг чинь энэ...
- Энэ бол генерал Доихара... Ойртож очъё...
Нөгөө генерал Доихара Кэнжи гэдэг чинь ийм хүн байдаг юм бий! Алс Дорнодын Лоуренс гэж нэрлэгддэг Японы том тагнуулч энэ хүний тухай Рихард олон юм мэдэж байлаа. Эдүгээ тэр хүн эх газрын японы тагнуулын албыг удирдаж байв. Зорге урьд өмнө зургийг нь үзэж, судалж байсан учир шууд таних байсан биз. Тэдний өмнө үсээ машиндуулан засаж пинтүү тавьсан, дунд зэрэг нуруутай маш өргөн магнай, дэлдэн том чихтэй генерал зогсож байлаа. Угаараа нарийхан, үзүүр хавиараа хачин өргөн, төмс шиг хамартай, том ам, өнгөгүй хөмсөгтэй загас шиг аймшиггүй царайтай хүн байв... Энгэрт нь "Ариун эрдэнийн" одонгийн бүх таван зэрэг, бас "Бар", "Алтан элээ", "Мандах нарны хос цацраг", өөр бас бус одон ярайна.
"Тагнуулаа ч их хүндэтгэдэг юм байна даа..." гэсэн бодол Зоргед орж ирэв. Огтын тусламжаар Зорге Японд цэргийн кастын хамгийн гүн дотор оржээ. Эд бол Зоргегийн илчлэх, аюулгүй болгох, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий цэргийн нууц хуйвалдааныг хадгалагчид юм. Гагцхүү үүнийг биелүүлэх л хэрэгтэй! ”
Доихара мэндлээд,
- Ямар хэлээр ярилцах вэ? гэж германаар асуув.
- Монголоор гэж Зорге тоглоом болгон хэлэв.
- Болно оо! гэж Доихара монголоор зөвшөөрөн хэлээд, Сайн байна уу... гэж мөн монголоор хэлэв.
- Үгүй, үгүй. Хятадаар юм уу, англиар ярьсан нь дээр гэж би үздэг. Ер нь германаар яривал дээр... гэж Зорге дуугарав.
- За яахав алинаар нь ч ярьсан болно хэмээн Доихара шүдээ орсойлгон завьжаараа инээмсэглэн хэлэхэд нүүр нь аймшиггүй хэвээр үлдэв.
Тэд хэдэн минут яриад салав. Доихараг Элчин сайдын яаман дээгүүр очоорой гэж Отт урив. Тэр хоёр аль хэзээний анд бололтой.
Доихарагаас холдсон хойно Отт
- Энэ хүн арван гурван хэлээр ярьдаг юм. Хятадад арван таван жил суусан хүн дээ... гэж хэлэв.
Тэр бүхнийг арван хуруу шигээ мэдэж байсан ч гэсэн Рихард гайхсан царай гаргав.
Зорге энэ дайллага дээр Доихара шиг их гарын тагнуул генерал Итагаки Сэйширотай танилцав. Германы цэргийн атташе хурандаа Отт академид хэнийг авч ирснийг тэд мэдсэнсэн бол доо!
Квантуны армийн штабын дарга Итагаки командлагч Хонжио Шигерүгийн хамт Токиод, жанжин штабын академид болсон төгсөгчдийн үдэшлэгийг тааралдуулан онгоцоор иржээ. Тус академийг дөчин жилийн урьд төгссөн ч бай хамаагүй түүний тогооноос гарагсад бүгд жилд нэг удаа академи дээрээ цуглаж, дараа нь залуудаа чөлөөт цагаа өнгөрүүлдэг байсан Кожимачи дахь Акабаны зоогийн газар очдог бичигдээгүй нэгэн хууль үйлчилж байлаа.
Генерал Итагаки, Доихара хоёр бол өөрсдийн үзэгдэж харагдах төдийгөөр японы дайнчдын бодлого хааш чиглэснийг заадаг хүмүүс болохыг Рихард Зорге мэдэж байв. Эд нар бол лакмусын цаас гэсэн үг. Манжуур, Хятадад, Монголын хил дээр, Зөвлөлтийн Өвөр Байгалд, ер Японы түрэмгийлэл хийхээр товлосон тэр бүх газар, тэд хоёулаа юм уу аль нэг нь заавал очиж байв. Олон улсын чанартай өдөөн хатгалга хорлон сүйтгэх ажиллагаа, улс төрийн аллага, яс хаялцаан, хуйвалдааныг зохион байгуулагч Итагаки, Доихара хоёр Японы хамгийн харгис цэрэг-фашист бүлгийн манлайд байв. Зорге Итагакитай нүүр учран танилцаагүй ч гэсэн түүнийг аль эртнээс мэддэг, жанжин штабын академийн энэ дайллага дээр хуран цугларсан хүмүүсийн хэнээс ч илүү сайн мэддэг байлаа. Тэгээд одоо генерал Итагаки Зоргегийн урд шаазан баримал мэт царцанги инээмсэглэн зогсоно. Түүний аймшиггүй царайгаар юу бодож буйг нь мэдэхийн аргагүй. Хар цаас хайчлаад наачихсан юм шиг өтгөн хөмсөг, хавтгай сахал нь үл хөдөлнө. Угаараа өргөн хамар, хазах гэж буй мориных адил хулмайсан чих нь Итагаки Сэйширогийн төрх байдлыг тодосгож өгнө.
Итагакитай яриа үүсгэж амжсангүй. Цөм гэнэт хаашаа ч юм яаравчилсан учир Рихард Отт хоёр тэдний хамт цэцэрлэг тийш гарах хаалга руу хөдлөв. Сар гийсэн бүгчим дулаахан шөнө байлаа. Сарны сүүмгэр гэрэлд хүмүүс хуучин хятад театрын сүүдэр дүрс адил хавтгай юм шиг харагдана. Байшингийн урд богинохон тайрсан зүлэг үргэлжилж, цаагуур нь мод эгнэжээ. Харин ганцхан өндөр цуурс мод довжооны бараг дэргэд, захдуу байна. Түүний саглагар мөчир дор цэргийн олон дарга нар овоорч доод захын мөчирт гар хүрэх гэж зугаацан тоглоно. Тийнхүү гараа сунган өөд үсрэхэд сүүдэр нь бас үсрэн цовхчиж, хажуугаас нь харахад онгод нь орсон бөөг санагдуулна. Хөгшин генералууд шатны довжоон дээр зогсоод залуу офицеруудыг хүлцэнгүй харж байснаа нэг хүнийг ногоон мөчрөөс шүүрэн авахад, тэсэлгүй "Банзай!", "Какко Ичио"!,"Какко Ичио!" гэж хашгиралдав. Офицеруудын зугаа түрэмгий бодлогын тал баригсдын цэрэг дайны илрэл болж хувирлаа. Энд байгсад цөм тийм улс бололтой.
Отт ёслолын цамцныхаа ханцуйг яран, цагаа харвал урилгын билетэнд заасан дайллагын цаг дуусаж байсан учир салах ёс гүйцэтгэв. Хурандаа их цаг барьдаг нямбай хүн байв. Бусад хүмүүс ч бас явлаа. Явуут дундаа илдээ чандлан зүүж, малгайгаа дайчин байдлаар засан, тарж эхэлцгээв.
Генерал Итагаки Сэйширо, Доихара Кэнжи нартай уулзсан уулзалт Зоргед их зүйл дурсан сануулав. Тэр милитарист үзэл санааг агуулан явуулагч тагнуулч генералуудыг хэзээний мэддэг агаад, чухамхүү тэдэнтэй нууцаар үзэлцэх болж байгаагаа мэдэж байлаа.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.05.17 1:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Сэдвийнхээ нэрийг зөв болгохоос эхлэх нь зүйтэй болов уу. Би уг нь энэ номоор сэдэв нээгээд татахаар тавьсан байсан устсан байна. "Форумд байгаа сэдвүүд" сэдэв дээр л нэр нь үлдэж.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.05.17 1:14 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Саруул wrote:
Сэдвийнхээ нэрийг зөв болгохоос эхлэх нь зүйтэй болов уу. Би уг нь энэ номоор сэдэв нээгээд татахаар тавьсан байсан устсан байна. "Форумд байгаа сэдвүүд" сэдэв дээр л нэр нь үлдэж.

Tednii chin tatah linkyyd ajilahgyi bolson bsan sh de. chi sergeechixgyi um uu? Sedviin neriig solimoor bga ach gsn erdem chadal ni alga oo...
erchtei hychtei erdemtei chadalntguud ni bolgooj bgaa blgyi gej bodoj bna.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.05.17 1:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16531
Оруулсан бусад сэдвүүдийнхээ линкүүдийг зассан. Энэ номын сэдэв минийх устсан тул чи дуустал нь оруулчихо

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.05.17 1:44 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Ok.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Aug.05.17 2:15 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3343
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
ЦЭРЭГ ДАЙНЫ ХУЙВАЛДААНЫ ЭХЭНД

Хэрэв цаг хугацааны электрон микроскоп байдагсан бол түүнд, өнгөрсөн үйл явдлыг бух эд анги, уялдаа холбоо бүрээр нь ширхэгчлэн харж болохсон билээ. Цаг хугацаа зөвхөн, хөндлөнгийн баримтад тулгуурлан хийсэн таамаглал, урьдчилсан дүгнэлт нь үнэнд хир ойр хол байсныг, эсвэл эрэл хоосон чулуу хөөсөн эсэхийг харуулж чадах ажээ. Үйл явдал үүсэн боловсорч байсан тэр үед доктор Зорге болон түүний нөхдийн мэдэлд улс төрийн тодорхой онош тавих уран зөгнөлийн цаг хугацааны микроскоп ч байсангүй, үүсэн бий болсон өвчнийг илрүүлэх чадалтай шидэт мэс заслын хутга ч байсангүй учир гагцхүү элдэв саланги баримт сэлт, шинжээч хүний зөн билэг, дагалдаж үйл явцыг гүн гүнзгий судалсны үндсэн дээр хийсэн таамаглал, эсвэл шалгагдаагүй үг яриаг баримтлахаас өөр аргагүй байв.
Доктор Зорге Берлин, Токиогийн засгийн газрын танхимд болсон бүгдийг мэдэж яаж чадах вэ, гэхдээ нууцын эх сурвалжид хэчнээн ойр байсныг нь цаг хугацаа харууллаа.
Японы дипломат Ширатори Тошио 1935 оны нэгдүгээр сард Токиод суугаа өөрийн найз, тэр үед гадаад явдлын яамны улс төрийн бодлогыг явуулж байсан Аритад итгэмжлэх илгээлт бичиг явуулав. Энэ бол Зоргед танилцуулах захидал бичиж өгсөн, Берлин дэх японы элчин сайдын яамны ажилтан агсан, нөгөө Ширатори мөн билээ.
"Арита такэй!. Хувь тавилан славянчууд, Ямато үндэстэн хоёрыг Ази тивд тэргүүлэхийн төлөө бие биеийн эсрэг тэмцэлдүүлэхээр шийдвэрлэжээ. Зөвлөлт Орос Владивостокийн зэвсгийг хурааж, Байгалын орчимд нэг ч цэрэг үлдээхгүйгээр Гадаад Монголоос цэргээ татаж авах ёстой. Энэ бол манай наад захын шаардлага байх ёстой. Энд бас Хойт Сахалиныг тодорхой үнээр бидэнд шилжүүлэх асуудал орно. Ирээдүйд бид бас Сибирийн эрэг хавийн районыг худалдан авах асуудал тавина. Эдгээр шаардлагыг аль байдаг шийдмэгээр хэрэгжүүлэх ёстой.
Анд найз минь, манай дипломатын их зорилтыг хэрэгжүүлэхэд танхимын зүгээс шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг одоо би хурцаар мэдрэх болов. Манай энэ зорилт бол Зөвлөлт Холбоот Улстай харилцаагаа шийдвэртэй таслах явдал мөн" гэж Ширатори бичжээ.
Хэрэв улс төрийн шиндоизмын тухай өгүүлэх юм бол Шираторийн захидал японы тивийн бодлогын уламжлалт харгис тэмүүллийн сонгомол жишээ болж байлаа. Ширатори японы түрэмгийлэгчдээс сүүлийн жил зөвлөлтийн алс Дорнодод хийсэн Дайрены бага хурлын саналыг үг үсэггүй давтжээ.
Ширатори Манжуурт цөмрөн орох үес Европ руу дипломат албанд дурамжхан явж, Японы тивийн бодлогыг тодорхой хэлбэрт оруулахад өөрийгөө энд, Токиод байсан нь илүү дээр гэж үзэж байв. Тэр нөхөдтэйгээ салах ёс хийхдээ, "Намайг явсан хойно, энд юу болохыг хэлэхэд бэрхтэй..." хэмээн хэлж байжээ.
Ширатори өөрийгөө Ямато орны тодорхой зорилго бүхий уламжлалт харгис бодлогыг тунхаглан мандуулагч хэмээн үзэж байв. Түүгээр ч барахгүй гадаад төрх нь түүний буруу ишилсэн сүх шиг мугуйд занг илтгэх бөгөөд тунгалаг том шил зүүсэн жижигхэн хуурай нүүр нь гагцхүү өрвийн боссон арзгар үснийх нь дагалт мэт харагдана.
Алс холын Скандинаваас Ширатори Тошио нэгэн санаатнуудынхаа үйл ажиллагаанд аль болохоор нөлөө үзүүлэхийг оролджээ. Японы улс төрийн зүтгэлтнүүдийн хоёрдугаар цуваанд байхдаа, хэрэв өөрснийхөн нь тивийн бодлогын тэргүүн шугамаас ухрахыг оролдвол, тэдэн рүү гал нээхэд бэлхэн байгаа хамгаалах ангийн дарга хэмээн өөрийгөө нэрлэдэг байв.
Ширатори боломжийг алдаж болохгүй гэж хамгийн шийдмэг өнгөөр Арита сайдад анхааруулжээ. Тэр Зөвлөлт Оросын эсрэг Японтой цэргийн гэрээ байгуулахыг хүссэн Германы саналыг ашиглахыг туйлаас гуйжээ. Энэ нь гаднаас харвал коминтерний эсрэг гэрээ мэтээр харагдаж байг.
"Зөвлөлт Орос хурдан хөгжиж байна. Бидэнд дийлдэхгүй хүчирхэг гүрэн болоход арав хүрэхгүй жил хангалттай. Оросын аюулыг үүрд устгахын тул түүнийг дорой буурай орон болгож, байгалийн баялгийг нь хяналтандаа авах хэрэгтэй. Гэтэл коммунист засгийн газрын үндэс суурь бэхэжвэл, хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг амжилт олно гэж бодож болохгүй. Коминтерний эсрэг гэрээ хэрэгтэй" гэж Ширатори анхааруулжээ.
Тэрбээр тэр үед Берлинд болж байсан нууц үйл явдлыг сайн мэдэж байв.
Японы цэргийн атташе Ошима Хироши дээр Германы гадаад явдлын яамны дорнодын хэлтсийн холбоочин, ноён Гак инээд алдан байнга ирэх бөгөөд, яагаад ч юм Алс Дорнодын байдал руу орчихсон ярилцаж байдаг билээ,
Тэр удтал тойруулан ярьсны эцэст
- Ноён цэргийн атташе, танай улс одоо Зөвлөлт Оростой нэг хилтэй байна... Энэ сайн, муу талтай, санаа зовох юм мэдэгдэж байгаад муу тал нь оршино гэж хэлэв.
Ошима зөвшөөрч, санаа зовох юм ихтэй гэв.
- Дашрамд хэлэхэд гээд Гак сайхнаар инээмсэглэж (Тэр Дорно Дахиныхан шиг инээж сурчээ) - Манай сайдад нэг сонирхолтой санаа төржээ. Одоо бид Оросоос хамгаалах холбоо байгуулах нь ашигтай гэж ноён Риббентроп үзэж байна. Магадгүй, Оростой нэг хилтэй болсноос хойш Япон улс ч бас ийм бодолтой байж болох юм. Коммунизмын эсрэг хамтран тэмцэх нэрийн дор энэ бүхнийг хийж болохсон... гэв.
Ошима энэ асуултанд японы жанжин штаб хэрхэн хандахыг мэдэхгүй байсан учир Гакийн саналд хариу хэлсэнгүй.
Сайхан зантай Гак хэдхэн сарын дараа хурандаа Ошимаг урив. Ноён Гакийнд ирсэн зочдын дунд Фон Риббентроп байдаа. Троппф гэж германаар хээгүй хүн гэсэн үг. Сайд үнэхээр хээгүй харагдахыг хичээдэг байв. Эзэн зочдыг элдвээр зугаацуулан наргицгаав. Бүр үдэш орой болсон хойно Ошима, Риббентроп хоёр тамхи татан ширээний ард хоёулхнаа сууж таарчээ.
Та коммунизмын аюул заналаас хамгаалах холбоо байгуулах гэсэн миний санааг сонирхов уу? гэж сайд асуув.
Ошима энэ удаа жанжин штабаас хэрэгцээт заавар авсан гул тодорхой ярилцах бэлтгэлтэй байв.
- Ноён сайд аа, таны саналыг цэргийнхэн сонирхож байна. Дэд хурандаа Вакамацуг Берлинд ирүүлж, саналыг нарийвчлан судлуулж болох юм. Би ч бас үүнийг бодит үндэстэй зүйл гэж үзэж байна гэж Ошима хариулав.
Цэргийн шугамаар хэлэлцээ эхэллээ. Дэд хурандаа Вакамацү Берлинд ирж генерал Фон Бломбергтэй уулзав. Мөн түүнчлэн албаны бус байдлаар фон Риббентроптой уулзжээ. Германы хэсэг цэргийн хүмүүсийг нисэх хүчний төлөөлөгчдийн байдлаар Токиод хариу айлчлалт хийлгэхээр төлөвлөв. Чухамхүү энэ германы офицерууд ирэх гэж байгаа тухай бүдэг бадаг яриа японы нийслэлээр таржээ.
- Зорге-сан, өчигдөр надад агаарын цэргийн хүчний нэг штабын офицер удахгүй Германаас зочид хүлээж авах гэж байгаагаа хэлэв. Нисгэгчдийн төлөөлөгчид ирэх гэнэ... Та үүнийг мэдсэн үү? гэж уран зураач Мияги Рихардаас асуув.
Зорге Миягийн хэлснийг ихэд сонирхов. Япон, Германы хооронд цэргийн хэлэлцээ хийж байгаа мэт ярилцах болсон нь, энэ германы нисгэгчдийн ирэхтэй холбоотой байж юуны магад. Япон хошуучийн амнаас унасан энэ үг тагнуулчдын анхаарлыг татлаа. Гэвч одоогоор энд тодорхой юм байсангүй. Нууц, нууц хэвээр үлдэж, түүнийг тайлах хэрэгтэй боллоо.
Багцаалбал, тэр үеэр, 1935 оны зун гэртээ, Зөвлөлт Холбоот Улсад ирэх боломж Рихард Зоргед олджээ. Японд ажилласан бүх л хугацааны турш гэртээ ирэх цорын ганц боломж олдсон нь энэ билээ. Олон улсын байдал хурцадсантай холбогдон гарсан шинэ шинэ асуудлыг Төвийн удирдлагаас биечлэн уулзаж, тодотгох, шүүн хэлэлцэхээр Рамзайг Москвад дууджээ.
Зорге замаа төөрүүлж Америкийн Нэгдсэн Улс, Канадаар дамжин явсаар их удаж Москвад ирлээ.
Бас дахиад Их Знаменскийн гудамж, утасны хонх дуугаран нээгддэг орох хаалга, элэгсэг дотно нарийн бичгийн дарга Наташа, цэргийн тагнуулын газрын даргын тасалгаа. Тасалгааны доторхи тавилга хоёр жилийн өмнөх янзаараа, ширхэг ч цаасгүй цулгуй бичгийн ширээний голд бэхийн том сав, өрөөний буланд шатдаггүй том шүүгээ тавьж, хоёр зөөлөн сандал, хөх саарал хөшиг татсан стратегийн газрын зураг байв. Бүх юм хуучин янзаараа, гагцхүү ширээний араас Берзины оронд ухаалаг хар нүдтэй, дөч эргэм насны, хүрэн бор царайтай, тас хар үстэй, корпус командлагч Урицкий Зоргег угтан босож ирлээ. Рихард түүнийг муухан таньдаг байв.
- Хаана...
- Ян Карлович Алс Дорнодод байгаа гэж Урицкий үгий нь таслан хэлээд - Та мэдээгүй юу? Одоо бидний хувьд Алс Дорнод Германыг оролцуулахгүйгээр нэгдүгээр шугам болоод байна. Манай Өвгөн урьдын адил гол чиглэлд яваад өгсөн... гэв.
Зорге дөнгөж сая л Төвийн удирдлага өөрчлөгдсөнийг өөрийнх нь багш, сайн нөхөр Өвгөн Ян Карлович Берзин Японоос холгүй, өөртэй нь ойролцоо газар Алс Дорнодын улаан тугийн одонт онцгой армийн орлогч командлагчаар ажиллаад хэдхэн сар болж байгааг мэдэв.
- Одоо би Ян Карловичийг орлож байна. Рихард, таны ирсэнд би их баяртай байна.
Урицкийн үг ярианд уучлалт гуйх мэт өнгө байхыг Зорге мэдэв. Тэгж санагдсан ч байж магадгүй, гэхдээ корпус командлагчийн энэ байдал түүнийг биедээ татаж чадав. Хэдийгээр Урицкий өвгөнөөс шал өөр ч, бага зэрэг урагш цээж түрэн, ярих, сонсох байдал нь Рихардад Берзинг санагдуулж байв.
Тагнуулын газрын шинэ дарга бол Лениний хамт Октябрийн хувьсгалд оролцож, Петроградын онцгой комиссыг толгойлж байгаад алан хядагч эсерийн гарт амь үрэгдсэн тэр Уринцкийн садан төрлийн хүн ажээ.
- За, ажил ямар байна? гэж Урицкий асуув.
Рихард Токиод тогтоогоод байгаа хэлхээ холбоо, хурандаа Отт ван Урах болон элчин сайдын яамны бусад ажилтны талаар эдгээр хэлхээ холбоо, ажил хэрэгт ашиглах тухай бодож төлөвлөсөн зүйлийнхээ талаар ярилаа.
- Энэ чинь бидэнд хамгийн хэрэгтэй зүйл! гэж Урицкий дуу алдаад -Цэргийн атташегийн итгэл хүлээнэ гэдэг бол маш сайн хэрэг! Та германчуудад заавал ямар нэг зүйл өгч байх хэрэгтэй, тэгвэл тэд таныг өөрийн талын хүн гэдэгт бүрэн итгэсээр байх болно гэв.
- Би тэгж байгаа. Оттод хоёрдугаар зэргийн ач холбогдолтой юм уу, эсвэл бидэнд хамаагүй мэдээ өгдөг...
Семен Петрович Цэргийн зөвлөлийн хуралдаанд суухаар яаравчилсан тул анхны уулзалт удсангүй. Үдэш, Урицкийн гэрт үргэлжлүүлэн ярилцахаар тохиролцов.
- Чулуун гүүрний цаахна талд шүү. Таныг Москваг мартаагүй байх гэдэгт итгэж байна...
Рихард, Семен Петровичийнд үдэш очлоо.
За одоо тухтай ярилцъя... Германаар ярилцах уу? Тэгвэл танд хялбар байх болно гэхэд
- Үгүй, үгүй! Зөвхөн оросоор ярилцъя. Сүүлийн хоёр жил ганц орос үг дуугараагүй шиг санагдаж байна. Тэгсээр байгаад хэлээ мартах байх шүү гэж Зорге хэлэв.
Рихард хамгийн их сэтгэл түгшээж байгаа тэр зүйлээс германы цэргийн төлөөлөгчид японы жанжин штабтай хэлэлцээ хийх гэж байгаа тухай дуулиант ярианаас эхлэв. Урицкий зарим зүйлийг тэмдэглэж, лавлан асууж нарийвчлан сонирхов. Дараа нь Манжуурын байдлаар ярилцаж, Рихард санал бодлоо хэлэв.
- Японы цэргийнхэн засгийн газрын бодлогод нөлөөлөх нөлөөгөө тодорхой хэмжээгээр хүчтэй болгож байна. Би энэ тухай түрүүн мэдээлсэн. Япон улс германыхаас өөр өвөрмөц боловч, мөн л харгис түрэмгий фашизмын замаар явж байна. Үүнийг би сайн мэдэж байна, Квантуны арми манай алс дорнодын хил дээр ирсэн нь энэ хандлагыг хүчтэй болголоо. Хойт Манжуурт цэргийн том барилга байгууламж барьж байна.
- Тийм ээ, бид үүнийг өөр бусад замаар бас мэдэж авсан гэж Урицкий зөвшөөрөөд -Энэ байдал түгшүүртэй байна. Японууд манай Алс Дорнодын талаар уламжлалт түрэмгий бодлогоо явуулсаар байна гэж хэлэв.
- Би энэ бодлогыг улс төрийн шиндоизм гэж нэрлэх байна.
- Зөв томьёолол байна шүү... Ээдрээтэй байдлын улмаас Ян Карлович Берзинг Алс Дорнодын армид томилсон юм. Гэхдээ бид өөрсдийн гарцаагүй дайснуудын юу төлөвлөж байгааг бага мэдэж байна гэж Урицкий бодлогоширсноо, Зоргегоос асуусан нь: -Рихард аа, та Манжуурт очиж чадах уу? Бололцоогоо харгалзаарай.
- Оролдоод үзье.
- Зорге дахин өөрийн бүлэг "Рамзайн" тухай ярив. Энэ хугацаанд бүлгээ хөл дээр нь босгож амжжээ. Сул тал нь цаг үргэлж саатаж байдаг радио холбоо л байлаа. Зорге Урицкийд хэлрүүн:
- Семен Петрович аа, Шанхайд надтай цуг ажиллаж байсан радио холбоочин Макс Клаузенг явуулж өгөхийг танаас машид хүсэх байна. Эс тэгвэл Төвтэй холбоо барихад саатал гарч болзошгүй гэж Зорге хэлэв.
- Та өөр юу хүсэх вэ?
- Өөр зүйлгүй шив дээ...
- Тэгвэл эндэх ажлаа дуусгаад, өмнө зүгт нэг сар явж амар. Харамсалтай нь үүнээс илүү хугацаагаар амарч болохгүй. Зөвшөөрч байна уу?.. Таныг буцахаас өмнө холбоочинг олохыг бодъё. Энэ яриаг урьдчилсан уулзалт гэж үзье, Хэлтэс дээр тодорхой танилцуулаарай, тэгээд дахин уулзамз. Рихард аа, миний үзэхэд, та маш сайн ажиллажээ, Хэтийн талаар, өөрөөр хэлбэл гол цохилтын чиглэлийн талаар бодоцгооё... Одоо явж, хоол идэцгээе! Орос хоолоо санасан биз дээ?! Төмстэй чанасан май загасны шөл таны сэтгэлд нийцнэ гэж найдаж байна!..
Зоргетой ойр дотно танилцсан корпус командлагч Урицкий бол хувьсгалын жилүүдэд бүрэлдэн тогтсон хүмүүсийн үед хамаарна, Цэргийн тагнуулын газрын дарга, Алс Дорнодод ажиллаж байгаа "Рамзайн" бүлгийн толгойлогч хоёр нас чацуутан ажээ. Тэр хоёр нэгэн үе, нэгэн эриний нэг зорилго, нэг үзэл бодолтой хүмүүс байлаа. Семен Урицкий бага насаа Одесст өнгөрүүлж улсын сургууль, танил эмийн санчийн газрын зарцаас амьдралаа эхэлжээ. Авга ахындаа амьдарч байгаад, түүний нөлөөгөөр арван долоотойдоо большевик болж, нууцаар ажиллаж байлаа. Хорин настайдаа, Зоргег германы явган цэргийн хороонд байсан тэр үес, Семен оросын армид татагдаж, Стародубын драгуны морин хороонд энгийн цэргээр алба хааж байжээ. Тэд орос, германы фронтын хоёр талд байжээ.
Семен арван долоон оны хоёрдугаар сард Одесст байв. Дараа нь Улаан гварди, иргэний дайны тоо томшгүй фронтод оролцож, Царицын, Крым, Украинд... очжээ.
Урицкий хорин таван настайдаа морьт бригад командалж хорин долоон настайдаа Ерөнхий штабын академийг төгсжээ. Академид байхдаа Кронштадтын үймээнийг дарах зэрэг байлдааны даалгавар авч, хичээлээс хөндийрөх явдал байнга гаргадаг байв. Хэдэн жил Зоргегийнх шиг ажлаар хилийн цаана ч суужээ. Дараа нь корпус командлагч зэрэг удирдах ажил хийж туршлагатай цэргийн дарга болоод дөчин настайдаа тагнуулын ажилд эргэж оржээ.
Рихард энэ ирэлтээрээ Семен Петровичтой нэг бус удаа уулзаж, уулзах бүрдээ улам хүндэтгэх болжээ. Төв Зоргегийн илтгэлд сэтгэл ханамжтай байв. Нэг ч тагнуул эзэнт улсын бүхнийг үзэгч сөрөх тагнуулын газар Кэнпэйтайд сэжиглэгдэлгүй удаж байсан удаагүй энэ орны гүнд "Рамзайн" бүлэг үндэс суурьтай нэвтрэн оржээ. Анхны үед Рамзай болон түүний бүлгийн өмнө японы милитаристуудын төлөвлөгөөг цаг тухайд нь тайлах зорилгоор Алс Дорнодын цэрэг, улс төр эдийн засгийн байдлыг ажиглаж байх гол даалгавар байсан бол одоо улам нарийсаж хүндрэв. Харгис түрэмгий Япон, Герман, хоёр орон бие биеийн зүг тэмүүлэн, харилцаа холбоогоо өргөжүүлэхийн хирээр Зоргегийн бүлгийн өмнө шинэ шинэ хэцүү даалгавар тавигдлаа. Германы фашист улс төрийн бодлоготны үйл ажиллагааг Токиогоос ажиглаж болохгүй юм болов уу? гэсэн асуудал гарав. Рамзайн бүлгийнхний "харуулын байр" Япон болог...
Корпус командлагч Урицкий Японоос ирсэн тагнуулчтай энэ тухай дахин ярив.
Арваад хоногийн дараа Макс Клаузен Москвад ирэв. Хятадаас ирсний дараа өөрийгөө бүрмөсөн халагдсанд үзэж, энх цагийн хөдөлмөр эрхэлжээ. Тэр үед Саратовын ойролцоох Красный Кут хэмээх бяцхан хотхонд өөр нэрээр трактор барьж, тагнуулын ажлыг бодохоо байсан байжээ. Бас туслах аж ахуй эрхэлж үнээ, тахиа, туулайтай болжээ. Макс, Анна хоёр эргэн тойрон мод тарьсан жижиг байшинд сууна. Тайван, жаргалтай амьдрахад өөр юу хэрэгтэй вэ?! Макс машин-тракторын станцад нэр сайтай, шагнал авч, хүрэлцээтэй амьдарч байлаа. Макст мэргэжлийг санагдуулдаг цорын ганц юм гэвэл радио холбоог сонирхдог явдал билээ. Тэр үдэш орой завтай цагтаа хамраа шуухитнуулан дамжуулагч аппарат хийж, алс холын талбайд ажиллаж буй тракторуудад тавьдаг байв. Радио холбоо тавиад километрийн зайд ажиллаж байсан нь Владивосток биш ганц МТС-д хангалттай байв.
Тэгж байтал Клаузен Москвагаас гэнэт дуудлага авчээ. Тэр эхлээд шил заагаад явсангүй, гэтэл хотын цэргийн хэлтэст хоёр дахь, шийдвэрлэх цахилгаан утас ирж арга буюу явлаа. Ворошиловын гарын үсэгтэй цахилгаан утас байв. Жирийн тракторчинг батлан хамгаалах яамны ардын комиссар дуудна гэж хэний санаанд орох вэ дээ!.. Гэсэн ч Макс Клаузен Москва руу явахдаа ямар ч ажлыг зөвшөөрөхгүй, одоо боллоо! гэсэн бодолтой байв. Тэр Аннад "Сайнаас сайныг эрдэггүй гэдэгчлэн бид эндээс явахгүй. Чи намайг мэднэ шүү дээ" гэж хэлжээ.
Тагнуулын удирдах газарт Максыг угтан авсан анхны хүн Зорге байсанд, нөхрөө гайхан харав,
- Чи хаанаас ирэв?
- Чамайг авахаар ирлээ...
- Аа тийм бий! Хэн намайг дурсав гэж би бодоод байсан юм.
- Хашир далайчин минь, надтай хамт явах уу?
Клаузен сурсан зангаараа хүзүүгээ илээд
- Рихард аа, чамтай хамт дэлхийн зах хязгаар руу ч хамаагүй явна гэв. Зорге хааш аваачих гэж байгааг ч мэдэхгүй байв,
Урицкий тэр өдөр Зорге, Макс хоёрыг гэртээ урив.
- За, яаж шийдэв? гэж Урицкий асуув.
- Явнаа. Үнээгээ зарвал, хөдлөхөд бэлэн... гэж Макс хариулав. Цөм хөхрөлдөв.
- Сайн байна! Ажил хэргийн талаар ярилцъя. Нөхөд минь, та нар, энх тайвны тагнуулчид шүү. Клаузен, та хаашаа явахаа мэдэж байна уу?
- Үгүй, Рихард надад хэлээгүй.
- Японд очно. Та нар Зөвлөлт Холбоот Улс, Япон хоёрын хооронд дайн гарахаас урьдчилан сэргийлж, хэрэгтэй бүхнийг хийх хэрэгтэй. Ойлгов уу? Рихард аа, таны амралтыг... сайн цаг болтол хойшлуулахаас аргагүй боллоо. Та даруй буцах хэрэгтэй. Клаузен араас тань очно гэж Урицкий үгээ үеэр таслан давтан хэлэв.
- За яах вэ, үүрэг бол үүрэг.. Семен Петрович аа, ба бэлхэн. Бид алс замын хүмүүс... гээд Зорге гунигтай инээмсэглэв.
- Тийм ээ, чухамдаа алс замын хүмүүс! гээд корпус командлагч тагнуулчийн гарыг чанга атгав.
- Рихард аа, нэгдүгээр зэргийн даалгавар бол Берлин, Токиогийн хэлэлцээрийг мэдэх явдал шүү. Хоёрдугаарт, Манжуурын байдлыг ажиглаж байх хэрэгтэй. Бусдыг та өөрөө мэд гэж Урицкий хоёулхнаа байхдаа бас хэлэв.
Нөхөдтэйгээ яаран салах ёс хийж, сүүлчийн замд гарав... Рихардын Москвад ирсэн өөр нэг нэртэй паспорт хучин төгөлдөр байсан тул Канад, Америкийн Нэгдсэн Улсаар дамжин буцах болов...
Америкаас Токио руу агаарын нислэг хийх гэж байгааг сонинууд шуугин бичиж байсан үеэр доктор Зорге Америкийн Нэгдсэн Улсад иржээ. Япон руу онгоцоор явбал яасан юм? гэж Рихард бодов. Тагнуулч хүн дандаа сүүдэрт байх албагүй. Байдгаараа л байвал хамгийн сайн баг болно. Нисэхэд хэцүү боловч юутай ч гэсэн нөлөө бүхий "Франкфуртер цайтунг" сонины сурвалжлагч тул, Рихард хөөцөлдөж эхлэв.
divider
- Пит ээ, би чамайг нисэхэд дургүй байна гэж Жейн хэлэв.
- Яагаад охин минь? хэмээн Пит түүний хэлэх гэж байгааг мэдээгүй мэт асуув. Ийм яриа нислэг бүрийн өмнө болдог байв.
Тэд Филадельфийн нисэх буудлын намхан адартай, хана дагасан том шилэн цонхтой зоогийн газар сууж байлаа. Цонхны цаана онгоц шахцалдан зогсчээ. Сан-Франциско руу Питийн нисэх ёстой "Дуглас" шатахуун түгээгүүрийн шар машинаас бензин авч байв. Пит хааяа зорчигч болон нисдэг байлаа.
- Чи дандаа ийш тийшээ нисэж, намайг залхааж гүйцлээ.
- Тэгсний хүчинд би их мөнгө авчирч, хоёул гэрлэх болно.
- Пит ээ, энэ үгээ орхи! Хуримаа хийгээгүй байж, бэлэвсрэхийг би хүсэхгүй!
Жейн уурлаж, тэнэг юм ярьжээ. Үүнд бэлэвсрэх юу байх вэ дээ? Пит бас уурлажээ.
- Миний нисэгч болсонд буруу юу байна! Чи пиво хийгч юм уу, таксийн жолоочтой суувал таарах юм.
- Онож хэлсэнгүй!.. Нисгэгчид бас янз бүр байдаг. Чиний найз Билл жолооч шиг шуудан зөөж, шугамд нисэж байна. Ажлын дараа өдөр бүр гэртээ байж байна. Үүнд муу юу байна?
- Би ийм ажил хаанаас олох юм?
- Чи өөрөө яах гэж хэрэггүй юм руу зүтгээд байгаа юм? Чамайг агаарт энэ дэмий туршилт хийх бүрд би үнхэлцгээ хагартал айж санаа зовж суух юм. Би бүр залхлаа!
Хоёул хэрэлдэж болзошгүй болсныг Пит мэдэв. Тэр хэрэлдэхийг хүссэнгүй.
- Би дахин виски уумаар байна. Чи юм уух уу? гэж яриаг өөрчлөх санаатай хэлсэнд
- Мөстэй жимсний шүүс, бас жаахан жин ууя, Тун жаахан шүү гэв.
Пит гараа өргөтөл, онгоцны үйлчлэгч шиг оготор банзал, погонтой хөх цамц, нисэх хүчний хавчиг малгай өмссөн үйлчлэгч бүсгүй хүрч ирлээ. Пит уух юм захиаллаа. Толгой дээр цахилгаан сэнс аяархан жүнгэнэнэ. Агаарын урсгал Жейний торго шиг зөөлөн, аяганд нь үлдсэн хар боргоцойн шүүсний өнгө шиг шахам цайвар шаргал, хонгорхон үсийг зөөлөн сэвэлзүүлнэ. Богинохон хөмсөгтэй, гартааман өнгөт жижиг нүд нь сандарсан, ууртайхан байдалтай ширтэнэ. Турьхан бие нь хөвчрөн, урт сайхан хуруугаараа ширээ тогшин байх нь уураа барьж, өөрийн золгүй хувь тавилангийн өөдөөс эсэргүүцэл илэрхийлэн байгааг илтгэнэ.
- Жейн минь, энэ бол бараг жирийн нислэг шүү дээ гэж Пит түүнийг тайтгаруулахыг оролдон хэлээд, - Хараач, энд Сан-Франциско энд Гонолулу гэж ам арчдаг цаасан дээр нислэгийн чиглэлийг хумсаар зуран, - Эндээс Токиод гар сунгахад л хүрнэ. Ердөө л зургаан мянган миль... Бид энэ горхийг чулуу дамжих мэт гатлах болно... гэв.
- Зургаан мянган миль, тэгээд дандаа далай дээгүүр гэж Жейн зөрөв.
- Тэгээд яагаав. Цөмөөрөө аврах бүстэй, тэр ч байтугай аварга загас холдуулах нунтаг хүртэл байх болно... Анхны нислэг болохоор чи айгаад байна. Чи надад итгэ. Удахгүй Япон руу Филадельфи, Сан-Франциско орох шиг хурдан нисдэг болно. Би энэ шугамд хотын дүүргийн автобусны жолооч шиг ажилладаг болно гээд Пит гараа Жейний гар дээр тавьсанд, тэр ширээ тогшихоо болилоо.
- Пит ээ, чи мэргэжлээ өөрчилнө гэж надад амла, энэ чинь сүүлчийн нислэг болог гээд хүүхэн гуйсан харцаар ширтэн - Би байнга санаа зовсоор шаналж гүйцлээ. Пиг ээ, би чамд хайртай шүү.. гэв.
Нүдэнд нь нулимс цийлгэнэжээ. Пит өөр аргаар ярихаар шийдэж
- Үйлс тэр даруй бүтдэг хүн ховор. Нислэгийн сургуульд надтай хамт суралцаж байсан Чарльз Линдбергийг чи мэднэ шүү дээ. Тэр анхандаа элдэв ажил хийж, агаарын циркчин, туршин нисгэгч, шуудан зөөгч байснаа гэнэт саятан боллоо. Европ руу буулгүй нислэг хийж, алдар олоод одоо мөнгөнд умбаж байна гэв.
- Пит минь, чиний Линдбергт би атаархахгүй. Бүлэг дээрэмчид хүүгий нь хулгайлсныг чи мэдэж байгаа. Би Линдберг байсан бол золиосонд нь хэчнээн ч хамаагүй мөнгө өгөх байсан. Одоо түүний эхнэр Анна зол жаргалгүй эмэгтэй болов. Дээрэмчид хорсохдоо хүүгийнх нь хурууг тасдаж ирүүлэхэд тэр хэчнээн шаналж зүдэрснийг би төсөөлж байна... Аймаар юм! гээд Жейн нүүрээ гараараа таглав.
Юунд Линдбергийн тухай ярив гэж Пит амаа барив. Үнэндээ, Америкийн үндэсний баатар одоо авилгач этгээдээс зугтан Англид очих гэж байна. Чарльз өөрийн оронд хамгаалалт олсонгүй... Чарльз Линдбергийн тухай Жейнд дэмий ярьжээ.
Жейн сормуусны будгаа тараахгүй гэж алчуураа нүдэндээ болгоомжлон хүргэв.
- Пит минь, надад алдар цуу ч, мөнгө ч хэрэггүй, гагцхүү чи минь хажууд байвал боллоо. Би зовж гүйцлээ!.. гэж Жейн хэзээ ч ингэж айж байгаагүйгээр айн хэлэв,
- Жейн, юу болов оо? Энэ бол жирийн нислэг, тэгэхдээ би нисгэгчээр биш, механикчаар, бараг зорчигч шиг л явах болно гэдгийг дахин хэлье.
Тэр орон тоо байгаагүй тул нисгэгчээр аваагүй гэдгийг хэлсэнгүй.
- Тэгэх тусмаа, чи бүр мэдлэг чадвараа илтгэн харуулж ч чадахгүй нь байна. Чиний авч байгаа юм айдас шаналалын хөлс төдий зүйл... Хүүш ээ, би чамтай хамт Сан-Франциско руу нисье гэж тэр эрс шийдмэг хэллээ.
- Яах юм?
- Чамаас салмааргүй байна... Бид... Бид хоёр удахгүй хүүхэдтэй болно... Одоо л чи ойлгов уу?!
Пит бүр гайхсандаа амаа ангайжээ.
- Чи юунд энэ тухай түрүүн хэлсэнгүй вэ!.. Нээрээ хамт нисье. Сан-Францискод хоёул хуримаа хийе. Баяжихыг хүлээж суугаад юу хийх вэ?! Гэхдээ чиний ажлыг яах билээ?
Жейн одоо инээж байлаа. Саяын хэлсэн нууцад Питийн хэрхэн хандахыг одоо болтол мэдэхгүй, сэтгэл түгшиж байжээ. Пит бас баяртай байгаагаас зайлахгүй...
- Би завод руу утасдаж даваа гаригт ирнэ гэж хэлье. Маргааш бямба тул зөвшөөрнө.
Жейн Филадельфийн нисэх онгоцны заводын техникийн товчоонд зураг буулгагчаар ажилладаг байжээ. Тэнд ажилгүй, туршин нисгэгч Ниттэй танилцжээ.
Сан-Франциско руу нисэх онгоцонд суухыг зарлалаа. Нисэх хүртэл арван таван минут үлджээ. Пит үйлчлэгчтэй яаран тооцоо хийгээд, билет авахаар гүйв. Жейн утсаар ярихаар явлаа, Тэр хоёр гарах хаалганы дэргэд уулзалдан, сүүлчийн зорчигчидтой хамт онгоц руу орлоо. Хэдэн цагийн дараа тэд Номхон далайн хөвөөнд иржээ.
Америкийн Нэгдсэн Улсаас Япон руу анхны нислэг хийх гидро онгоц маргааш өдрийн үдэш нислээ. Пит өглөөнөөс эхлэн хөдөлгүүр удирдлагын систем, түлшний өгөлтийг шалгаж элдэв төрлийн зураг бөглөөд, үдээс хойш буудалд Жейнтэй уулзав. Тэр дэлгүүрээс цагаан даашинз худалдан авч өмсжээ. Питийг ирэхээс өмнөхөн буцаж ирсэн ажээ. Япон руу нисэх нисгэгчдийг гэрчээр авав. Тэд гэр бүлийн товчооноос шууд онгоц руугаа буцаж ирэв.
Үдэн гаргагчдын дунд, хаалтны дэргэд цагаан даашинзтай нуруулаг хүүхэн улаан сарнай цэцгийн баглаа барин зогсож байв. Тэр өөр рүү нь аппаратаа чиглүүлсэн олон сурвалжлагчдын анхаарлыг татжээ. Олны дундаас нэгэн хүн хэлсэн нь:
- Ийм сүйт бүсгүйтэй зальт арга фирмийг сурталчлахад маш сайн...
Маргааш нь сонинуудад цэцгийн баглаа өргөн барьсан Жейний зураг гарлаа.
"Миссис Жейн Флеминг Америкийн Нэгдсэн Улс, Японы хооронд анхны нислэг эхлэхээс цаг дөчин таван минутын өмнө гэрлэсэн онгоцны механик нөхөр Питер Флемингээ үдэж байгаа нь" гэсэн тайлбар дор нь бичжээ.
Америкийн Нэгдсэн Улс, Японы арлуудын хоорондох анхны нислэгээр голдуу сэтгүүлчид явжээ. Тэдний дунд германы нөлөө бүхий "Франкфуртер цайтунг" сонины сурвалжлагч Рихард Зорге байлаа.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited