#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.30.17 10:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.10.16 11:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Image

Жорж Мартины 1979 онд бичсэн Хьюго (Hugo), Небула (Nebula) шагналыг шилдэг тууж ангилалд хосоор нь хүртсэн цорын ганц бүтээл болох уран зөгнөлт тууж.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 6:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Өө чи шүү

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Mar.11.16 8:47 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.22.06 4:58 pm
Posts: 2246
bayarlalaa


Top
   
PostPosted: Mar.11.16 9:33 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7129
Гоёын

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Mar.11.16 1:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
ЭЛСНИЙ ХААД

Саймон Кресс хотоос тавин километрийн зайтай газар хуурай чулуурхаг толгод дунд орших эзэмшил газрынхаа байшинд ганцаар амьдардаг байв. Саймон өөрийн тэжээвэр амьтаддаа ая тухтай санаа тавихын тулд зориуд ойр хавьдаа хөршгүй байв. Махчин харцагын тухайд асуудалгүй байж ашигладаггүй дээврийн гонхонд үүрлэн юу олдсоноороо голоо зогооно. Крессийн шамблерын хувьд гадаа хөөгдөн өөрийгөө тэжээх бөгөөд бяцхан мангас өт хорхой, шувуу, рокжокоор хооллох аж. Гэвч загасны хорго дахь дэлхийн жинхэнэ пирана загасыг хооллоход төвөг учрав. Кресс эцэст нь үхрийн гуя том хоргонд шидэж өгчээ. Хэрвээ хоол өгөхгүй удаавал пирана загас үргэлж бие биенийгээ идэх бөгөөд тэдний ингэх нь Крессийг хөгжөөдөг байв.
Харамсалтай нь энэ удаад санаснаас уджээ. Түүний эцэст нь эргэн ирэхэд бүх загасны зэрэгцээ харцага ч гэсэн үхсэн байв. Шамблер гонхон руу авиран гарч шувууг иджээ. Энэ нь Крессийн уурыг хүргэв.
Маргааш нь тэрбээр хөлөгтөө суун тэндээс хоёр зуун километрийн зайд оршдог Эсгард луу явлаа. Оршин суугчид нь хамгийн эртний том сансрын боомт гэж онгирдог Эсгард Балдур гаригийн том хот байв. Кресс анд нөхдөө ер бусын хачин жигтэй, зугаатай, үнэтэй амьтдаар сэтгэгдэл төрүүлэх дуртай бөгөөд Эсгард чухамхүү үүнийг худалдан авч болох газар билээ.
Энэ удаад түүнд аз таарсангүй. «Зенопет» хаалгаа хааж, «Т’етерэйн амьтны дэлгүүр» ахин нэг харцага зарахыг оролдон, «Стэнж Вотерс» пирана, гэрэлтдэг аварга загас, аалзан арваалжаас өөр онцгой сонин амьтан байсангүй. Кресст энэ бүх амьтан байсан болохоор ямар нэг шинэ содон юм хүсч байлаа.
Бүрэнхий болохын алдад ямар нэг урьд нь орж байгаагүй газар хайн Рэйнбоу Булвардаар уруудан явлаа. Эндээс сансрын боомт маш ойрхон тул гудамжинд импортын худалдааны төвүүд эгнэжээ. Том худалдааны төвүүд нууцлаг санагдуулах хар хөшиг татсан сүрлэг үзмэрийн урт цонхонд эсгий жинтүүн дээр харь гаригийн үнэтэй ховор эд өлгийн зүйл тавьжээ. Тэдний дунд чигжин байрласан хуучин эдлэлийн дэлгүүрт давчуу жижигхэн үзмэрийн цонхон дээрээ бүх төрлийн ховор хуучны эд пиг чихсэн байв. Кресс бүхий л дэлгүүрээр орж үзсэн ч ижилхэн урам хугарчээ.
Тэгтэл нэг өөр төрлийн дэлгүүрт ирлээ.
Эндээс боомт маш ойрхон тул Кресс урьд нь энд ирж байсангүй. Дэлгүүр дундаж хэмжээний ганцхан давхар байшингаас бүрдэх бөгөөд цэнгээний баар, Нууц эгч дүүсийн сүм-эмсийн хүрээлэнгийн дунд байлаа. Дэлгүүр нэг л ер бусын анхаарал татам байв.
Үзмэрийн цонхонд нь дүүрэн манан хөшиглөж цайвар улаан байснаа саарал манан татан тэндээсээ гялалзсан алтан өнгийн боллоо. Манан эргэлдэн хуйларч бүүдгэр гэрэлтэнэ. Кресс үзмэрийн цонхонд тавьсан зүйлс рүү шагайсан ч сайн харж болсонгүй. Манан тэднийг тойрон хуйлран эргэлдэж хэсэг хэсгээр нь хучин далдалж тэгснээ бүрэн алга болох нь хорхой хүрэм байлаа.
Түүнийг харах зуур манан дунд нэг нэгээр үг тодроход, Кресс зогсоод уншлаа.
«ВОУ. БА. ШЭЙД. ИМПОРТЛОГЧИД. ЭД ӨЛГИЙН ЗҮЙЛС. УРЛАГИЙН БҮТЭЭЛ. АМЬДРАЛЫН ХЭЛБЭР ».
Үсэг зогслоо. Манан дундуур Кресс ямар нэг хөдөлж буй зүйл харав. Сурталчилгааны «Амьдралын хэлбэр» гэсэн үг түүний хувьд хангалттай байв. Тэрбээр хүрмээ мөрөндөө тохоод дэлгүүр рүү оров.
Дотор нь ороход Крессийн толгой эргэх шиг болов. Дэлгүүр гадна талын даруухан төрхөөсөө илүүтэй маш өргөн том, уудам ажээ. Бүүдгэр тайвшируулах гэрэл гийгүүлнэ. Таазанд эргэлдсэн мананцартай одод хучсан нь туйлын бодит сэтгэгдэл төрүүлэх агаад лангуунууд дотор нь байгаа зүйл сайн харагдах бүүдгэр гэгээтэй байв. Лангууны жигүүр хооронд газар манан хучжээ. Өтгөн манан өвдөг хүртэл хуйлран явахад шагайны дэргэдүүр эргэлдэв.
– Танд юугаар туслах вэ?
Эмэгтэй манан дундаас гарч ирэх мэт санагдлаа. Тэрбээр өндөр, туранхай, цайвар арьстай бөгөөд саарал комбинзон өмсөж толгойныхоо ар дагзан дээр этгээд жижигхэн малгай тогтоожээ.
– Та Воу юм уу Шэйд үү? Эсвэл зүгээр туслах худалдагч уу? гэж Кресс асуув.
– Жэйла Воу таны мэдэлд байна. Шэйд үйлчлүүлэгчидтэй уулздаггүй юм. Бидэнд туслах худалдагч хэрэггүй.
– Танайх том дэлгүүр юмаа. Хачирхалтай нь урьд өмнө би та нарын тухай сонсож байсангүй.
– Бид Балдурт дэлгүүрээ дөнгөж нээгээд байна. Үүний зэрэгцээ бусад ертөнцөд ч гэсэн худалдаа хийх эрхийн гэрээ бий. Та юу сонирхох вэ? Урлагийн төрөл үү? Та цуглуулагч байрын төрхтэй харагдаж байна. Би танд Нор Талушийн маш сайхан болор сийлбэр үзүүлж болох юм.
– Хэрэггүй. Би хүссэн бүх болор сийлбэрээ авсан. Би амьтан сонирхох гэж ирлээ.
– Амьдралын хэлбэр үү?
– Тийм.
– Харийнх уу?
– Яг тийм.
– Манайд Селиа гаригаас авчирсан дуурайдаг амьтан байгаа. Бяцхан ухаалаг сармагчин. Зөвхөн ярьж сургаад зогсохгүй дуу хоолойны өнгө хувирал, дохио зангаа, царайны төрхийг хүртэл дуурайна.
– Хөөрхөн л юм гэвч ердийн. Наадах чинь надад хэрэггүй, Воу. Би ямар нэг ер бусын юм хүсч байна. Ер бусын болохоос хөөрхөн биш. Би хөөрхөн амьтдыг үзэн яддаг юм. Надад одоо Котогоос авчирсан шамблер бий. Үе үе би түүнийг муурын зулзагаар тэжээдэг. Энэ хөөрхөн амьтдын тухай миний бодол. Та миний ярьж байгааг ойлгосон уу? гэхэд Воу учир битүүлэг инээмсэглэв.
– Танд урьд нь шүтлэгтэй амьтан байсан уу?
– Өө ахиад л уу. Надад шүтлэг хэрэггүй, Воу. Ердөө зугаацах юм хэрэгтэй байна гээд Кресс инээд алдав.
– Та намайг буруу ойлгожээ. Би шүтэх тухай ярьж байна гэж Во нөгөөх л хачирхалтай инээмсэглэсэн хэвээр хэлэв.
– Та юуны тухай яриад байна?
– Надад танд үзүүлэх нэг зүйл бий гэж бодож байна. Миний араас яваарай гэж Во хэллээ.
Тэр Крессийг хуурамч одны гэрэлд солонгорсон лангуунуудын хоорондуур хөшиглөсөн манан дунд дагуулан явлаа. Тэд манан ханыг нэвтэрч дэлгүүрийн ахин нэг хэсэгт ороход том хуванцар хоргоны өмнө зогсов. Аквариум байна гэж Кресс бодлоо.
Гэвч Во зангахад Кресс алхам ойртон буруу бодсоноо харлаа. Энэ нь террариум байв. Хааш хаашаа хоёр метрийн дөрвөлжин зайд бяцхан цөл байгуулжээ. Улаан гэрэлд цайвар элс цонхигор улаанаар туяарна. Элсэн дээр базальт, кварц, боржин чулуу байв. Түүнээс гадна хоргоны өнцөг булан бүрд цайз байлаа.
Кресс нүдээ анивчин сайтар харахад ердөө гурван цайз байв. Дөрөв дэх нь хазайж хэмхрэн нуржээ. Бусад гурав нь болхи хэдий ч бүрэн бүтэн бөгөөд чулуу элсээр байгуулжээ. Хэрмийн хана дээгүүр бяцхан амьтад авирч бууна. Кресс царайгаа хуванцар хоргонд наагаад,
– Шавьж уу? гэж асуув.
– Үгүй ээ. Амьдралын илүү ярвигтай хэлбэр. Дээрээс нь маш их ухаантай. Танай шамблераас илүү ухаантай. Эднийг «элсний хаад» гэж дууддаг юм.
– Шавьж байна гээд Кресс хоргоноос толгойгоо хойш болгон хөмсөг зангидлаа. – Надад тэдний хичнээн ярвигтай хамаа алга. Тэгээд ч намайг ухааны тухай яриагаараа битгий мангууруулах гээд бай. Эд нар чинь хамгийн энгийн тархины бүтэцтэй байхад дэндүү бяцхан юм байна.
– Тэдэнд нийтлэг ухаан байгаа. Энэ тохиолдолд цайзын ухаан. Энд ердөө гурван организм байгаа. Дөрөв дэх нь үхчихсэн юм. Цайз нь хэрхэн нурж унасныг харж байна уу? гэхэд Кресс хорго руу буцаж харлаа.
– Нийтлэг ухаан гэнэ ээ? Сонирхолтой юм. Гэсэн ч ердөө томруулсан жижигхэн хөдөөний шоргоолж байна. Би ямар нэг өөр арай дээр юм байгаа гэж найдсан юмсан.
– Тэд дайн хийж тулалддаг юм.
– Дайн гэнэ ээ? Хмм гээд Кресс ахин харлаа.
– Хүсвэл өнгийг нь ажигла л даа гээд Во ойролцоох цайзын орчим шавааралдсан амьтад руу заав. Нэг нь хоргын ханан дээр авирч байв. Кресс үүнийг хянамгай харсан ч нүдэнд нь өчүүхэн шавьж хэвээр үзэгдэв. Бие нь хумсны толионоос томгүй урттай, зургаан мөч, зургаан бяцхан нүдтэй ажээ. Эвэр, хазуур, нүд, хөл нь тас хар өнгөтэй ч гал шаргал өнгийн хуягтай байв.
– Шавьж л байна даа гэж Кресс давтав.
– Энэ бол шавьж биш. Тэд өсөж том болох үедээ гээдэг хуягласан өмсгөлтэй. Элсний хаан том болдог ч хоргын хэмжээнээс болоод ийм байгаа юм гээд Крессийн тохойноос барин хоргыг тойрон дараагийн цайз руу очлоо.
– Эд нарын өнгийг хараач.
Крессийг харахад тэд өөр өнгөтэй байв. Эндхийн элсний хаад хурц улаан өнгийн хуягтай бөгөөд эвэр, хазуур, нүд, хөл нь шар ажээ. Кресс хоргын дотор хяламхийв. Гурав дахь цайз улаан эмжээртэй цагаан өнгөтэй байв.
– Хмм гэж тэр гүнгэнэлээ.
– Тэд миний хэлсэн ёсоор хоорондоо дайтдаг юм. Тэр ч байтугай энхийн хэлэлцээр хийж, холбоо байгуулдаг. Чухамхуу холбооноос болж энэ хоргын дөрөв дэх цайз устсан хэрэг. Харынхан дэндүү олшироход бусад нь хүчээ нийлүүлж тэднийг устгасан гэж Воу хэллээ.
Кресс үүнд итгэсэнгүй.
– Эргэлзээгүй хөгжилтэй л юм. Гэсэн ч шавьжнууд бас дайтдаг.
– Шавьжнууд шүтлэггүй.
– Юу гэнэ ээ?
Во инээмсэглэн цайзын зүг заахад, Кресс алмайран харав. Хамгийн өндөр цамхгийн ханан дээр хүний царай сийлбэрлэсэн байв. Кресс түүнийг Жэйла Воугийн царай болохыг танилаа.
– Яаж тэр вэ?
– Би нүүрнийхээ зургийг хорго руу хэдэн өдрийн турш холограмаар нэвтрүүлсэн. Бурхны царай болохыг ойлгож байгаа биз дээ. Би тэднийг тэжээж, үргэлж ойр байдаг. Элсний хаад бол телепатын төрлийн мэдрэмжтэй амьтад. Тэд намайг мэдэрч, тахин шүтэж царайгаар минь байшингаа чимэглэсэн юм. Бүх цайзын хананд байгаа болохыг харж байгаа биз дээ гэхэд тэд үзлээ.
Цайз дээрх Жала Воугийн царай амьдрал дээрх шигээ амирлангуй тайван ажээ. Кресс гайхан биширлээ.
– Тэд яаж ингэж чадсан юм бол?
– Урд талын хоёр хөл нь гар шиг ажилладаг. Тэр ч байтугай хуруу шиг бяцхан гурван уян хатан тэмтрүүл бий. Тэд барилга болон тулалдаанд хамтран ажилладаг. Ганцхан өнгийн бүх мобайлууд нийтлэг нэг ухаан хуваалцдагийг санаж байна уу.
– Надад илүүг яриач гэж Кресс хүсэхэд Воу инээмсэглэв.
– Цайзад «моо» амьдардаг юм. Моо гэж миний түүнд өгсөн нэр. Хүсвэл өөрөөр нэрлэж болно. Эх болон гэдэснийх нь үүргийг хамт гүйцэтгэдэг. Гарын нударгын хэмжээтэй том эмэгчин. Биеэ дааж явж чадахгүй. Үнэн хэрэгтээ «элсний хаан» гэж буруу нэр юм. Мобайлууд бол тариачин, дайчид бөгөөд жинхэнэ захирагч нь хатан юм. Гэсэн ч энэ үг бас тохирохгүй. Цайз бүрийг хос бэлгийн эрхтэнтэй ганц амьтан гэж ойлгож болно.
– Тэд юу иддэг юм?
– Цайзын дотор моогийн хэдэн өдрийн турш идэхэд бэлэн болгон боловсруулсан хүнсийг иддэг. Тэдний гэдэс нь өөр зүйл тэсгээхгүй бөгөөд хэрвээ моо үхвэл тэд ч гэсэн үхнэ. Харин моогийн хувьд... юу ч хамаагүй иддэг. Танд тусгай хоол авах хэрэг байхгүй. Хоолны үлдэгдэл байхад хүрэлцээтэй.
– Амьд хоол болох уу? гэж Кресс асуулаа.
– Моо болгон өөр цайзын амьтныг иддэг болохоор, тийм гээд Воу мөрөө хавчив.
– Хэрвээ тэд ийм жижиг байгаагүй бол миний сонирхлыг татах байлаа.
– Та үүнийг том болгож болно. Шилэн хорго жижигхэн учир элсний хаад жижиг байгаа юм. Тэд ямар ч зайд дасан зохицож өсч чадна. Хэрвээ намайг том сав руу зөөвөл тэд ахин томорч эхлэнэ.
– Хммм миний пиранагийн хорго үүнээс хоёр дахин том. Дотор талыг нь цэвэрлээд элсээр дүүргэчихвэл ч...
– Воу ба Шэйд суурилуулалтанд санаа тавина. Энэ бидний үүрэг.
– Мэдээж. Би дөрвөн бүтэн цайзтай болмоор байна.
– Тэгэлгүй яахав гэж Воу хэллээ.
Ингээд тэд үнээ тохиролцлоо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 1:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
...

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 1:23 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1989
Location: Go for needs not sales
markkk

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.11.16 4:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
***

Гурван өдрийн дараа Жэйла Воу Саймон Крессийн эдлэнд ирж унтаа байдалд байгаа элсний хаадыг багийнхантайгаа байрлуулахаар ажиллаж эхлэв. Воугийн туслахууд Крессийн урьд өмнө огт харж байгаагүй харийн амьтан болох өргөн тагдгар бие, дөрвөн гар, бүлтгэр олон талсттай нүдтэй амьтад байлаа. Тэдний арьс шир шиг зузаан бөгөөд товгор хачин янзын толботой бие рүү нь тахийсан эвэртэй байв. Гэсэн ч тэд маш хүчтэйн зэрэгцээ сайн ажилчид ажээ. Воу тэдэнтэй Крессийн хэзээ ч сонсож байгаагүй хөгжмийн аялгуутай төстэй өнгөөр ярилцана.
Ажил өдрийн дотор бүтэв. Ажилчид пиранагийн хоргыг өргөн цэлгэр зочны өрөөний голд байрлуулж, дотор нь юу болж байгааг харагдуулахын тулд хоёр талд нь буйдан тавиад, сойздож цэвэрлэн гурав хоёр хэсэг хүртэл элс, чулуугаар дүүргэлээ. Үүнээс гадна элсний хаадын дуртай бүүдгэр улаан өнгө болон холограмын зургийг хорго руу нэвтрүүлэх гэрлийн тусгай төхөөрөмж суурилуулав. Хоргын дээр хооллох нүх гаргасан бат бөх хуванцар хаалт бэхэлжээ.
– Үүгээр хоргын тагийг авалгүйгээр элсний хаадыг хооллож болно. Тэдэнд зугтах өчүүхэн төдий боломж өгч болохгүй гэж Во тайлбарлав.
Агаарын чийг хангалттай байгааг мэдэхийн тулд таганд бас цаг агаарын хяналтын төхөөрөмж суурилуулжээ.
– Дотор хэт хуурай байлгаж болохгүй гэж Во өгүүлжээ.
Эцэст нь дөрвөн гартай ажилчдын нэг хорго руу орж дөрвөн буланд нь гүнзгий нүх малтав. Нөхдийнх нэг түүнд унтаа байдалд байгаа моог өгөхөд аяны хөлдүү гэрээс нь нэг нэгээр салгаж авлаа. Үүнд үзүүштэй юм байсангүй. Кресст тэд ам бүхий муудсан цоохор нойтон мах шиг санагджээ.
Харийн хүн тэднийг хоргоны булан тус бүрд буллаа. Ингээд тагийг лацдаж явахаар зэхэв.
– Халуун моог унтаа байдлаас гаргана. Долоо хоног орчим болсны дараа мобайлууд өндөгнөөс гарч гадаргуу дээр гарч ирнэ. Тэднийг хангалттай хооллох талаар санаа тавиарай. Сайн төвхнөхөд нь их хүч хэрэгтэй шүү. Миний тооцоогоор цайзууд чинь гурван долоо хоногийн хугацаанд босно гэж Воу хэлэв.
– Миний нүүр яах болж байна? Тэд хэзээ миний нүүрийг урлах юм бэ?
– Холограмыг сарын дараа асаагаарай. Дээрээс нь тэвчээртэй бай. Хэрвээ асуух зүйл гарвал утасдаарай. Во болон Шэйд хоёр танд үйлчилэхэд бэлэн гээд Воу бөхийгөөд явлаа.
Кресс хорго руу буцан очиж удирдлагаар гэрэл асаав. Цөл хоосон хэвээр байв. Тэр хуруугаараа хуванцар ханыг тэвчээргүйхэн бөмбөрдсөнөө хөмсөг зангидлаа.

***

Дөрөв дэх өдөр нь Кресст элсний дор хөдөлгөөн анзаарагдан газар доор юм хөдлөв.
Тав дахь өдөр нь эхний ганц цагаан амьтан гарч ирлээ.
Зургаа дахь өдөр нь арваад тооны цагаан, улаан, хар болов. Шаргалууд хожимдож байв. Тэр аягатай хагас муудсан хоолны өөдсийг өглөө. Мобайлууд дор нь мэдэрч түргэн ухасхийн хоолны өөдсийг өөр өөрийнхөө булан руу чирэв. Бүлэг тус болгон маш сайн зохион байгуулалттай байв. Тэд хоорондоо тулалдсангүй. Кресс бага зэрэг сэтгэлээр унасан ч тэдэнд хугацаа өгөхөөр шийдэв.
Найм дахь өдөр нь шаргалууд гарч ирлээ. Тэгтэл бусад элсний хаад жижигхэн чулуу зөөвөрлөн болхи бэхлэлтээ босгож эхлэв. Тэгсэн хэдий ч бас л дайтсангүй. Энэ хугацаанд тэд Воу, Шэйдийнд харснаас хоёр дахин жижиг байсан ч, Кресст хурдан өсч томорч буй мэт санагджээ.
Хоёр дахь долоо хоногийн дундуур цайз босч эхлэв. Зохион байгуулалттай мобайлын ангиуд элсэн чулууны хүнд хэсэг, боржинг булан руугаа зөөвөрлөх зуур бусад мобайлууд эрүү, мөчөөрөө элс түрж байлаа. Кресс тэдний хоргонд хэрхэн ажиллаж буйг харахын тулд нүдэндээ зүүдэг томруулдаг шил худалдан авчээ. Тэр өндөр хуванцар ханыг тойрон ажиглахад энэ нь гайхамшигтай байлаа. Гэсэн ч цайз түүнд хэт энгийн мэт санагдсан тул нэг санаа төржээ. Маргааш өдөр нь галт уулын шил болон өнгийн шилний өөдсийг хоолны хамт хийв. Хэдэн цагийн дараа шилнүүд цайзын хананд бэхлэгдсэн байлаа.
Хар цайз хамгийн түрүүнд дуусахад араас нь дагалдан цагаан, улаан цайз хоёр дуусав. Шаргал ердийнхөөрөө хамгийн сүүлд дуусчээ. Кресс зочны өрөөний буйдан дээр суун хоолоо идэх зуураа тэднийг ажиглалаа. Тэр дурын агшинд эхэлж болох хамгийн анхны дайныг хүлээж байв.
Гэвч урам нь хугарав. Өдөр хоног өнгөрөхөд цайзууд улам өндөр, сүр жавхлантай сүндэрлэн Кресс ариун цэврийн өрөө орох юм уу, чухал албаны дуудлаганд хариулахаас бусдаар хоргоны дэргэдээс холдохоо болив. Гэсэн хэдий ч элсний хаад дайтсангүй. Түүний урам улам хугарлаа.
Эцэст нь Кресс тэжээхээ зогсоов.
Цөлийн тэнгэрээс хоолны үлдэгдэл унахаа больсноос хоёр өдрийн дараа дөрвөн хар мобайл нэг шаргалыг гэнэдүүлэн моо руугаа чирэв. Тэд түүнийг эхэлж шархдуулан эрүү, эвэр, мөчийг нь мулт татаж бяцхан шилтгээнийхээ сүүдэртэй төв хаалгаар оруулав. Тэрбээр ахин гарч ирсэнгүй. Цагийн дараа дөчин шаргал мобайл элсэн дээгүүр хамтран харынхны булан руу дайрлаа. Тэд цаанаас гарч ирсэн харынханд тооны хувьд хүч давамгайлагдан тулаан дуусах үед дайралт хийгчид бүхэлдээ алагджээ. Амь үрэгдсэн болон үхэж үрэгдэж буй тэргүүтэй цэргүүдийг хар моог хооллохоор дотогш чирж оруулав.
Крессийн сэтгэл ханаж өөрийнхөө агууд баяр хүргэлээ.
Тэр дараагийн өдөр нь хоргонд хоол хийхэд гурван талын булангийн тулалдаан сарнив. Цагааныхан хамгийн их ялжээ.
Үүний араас өөр бусад дайнууд дэгдэв.

***

Жэйла Воу элсний хаадыг авчирснаас бараг сарын дараа Кресс холограмын прожектороо асааж царайгаа хоргонд биежүүлэв. Энэ нь удаанаар ахин дахин эргэлдэхэд тэрбээр дөрвөн шилтгээн рүү эн тэнцүү харж байлаа. Крессийн бодлоор түүний дүрс дүрсгүй маягийн нүүр дүүрэн амаа том инээсэн гарчээ. Түүний цэнхэр нүд гялалзаж, хажуу тийш нь загвар гарган самнасан саарал үс болон зассан нарийхан хөмсөг зурайна.
Удалгүй элсний хаад ажилдаа оров. Кресс царай нь тэдэн рүү тэнгэрээс мишээж байх зуур өгөөмөр ихээр тэжээжээ. Түр хугацаанд дайн завсарлаж бүхий л үйл хөдөлгөөн шүтлэгийн зүг чиглэв.
Түүний царай шилтгээний ханан дээр гарч ирлээ.
Эхлээд дөрвөн сийлбэр ав адилхан мэт санагдаж байсан ч ажил үргэлжилж байх зуур Кресс бүтээлийг судалж хоорондох ур чадварын нарийн ялгааг нь олж эхлэв. Улааныхан хамгийн их бүтээлч туурвиж саарал үсийг нь бяцхан занарын өөдсөөр хийжээ. Цагааныхны шүтээн залуу гэнэн томоогүй бөгөөд царайг нь харынхан алхам алхмаар ухаалаг ач буянтай дүрсэлжээ. Шаргал элсний хаад үргэлжид байдаг шигээ хамгийн сүүлд дуусав. Тэдний хооронд дайн тулаан өрнөсөнгүй бөгөөд цайз нь харьцуулахын аргагүй байлаа. Сийлсэн бүтээл нь өөрсдийнх нь арга замаар дуусахад эцэст нь тэд ажлаа зогсоосонд Кресс хор шар нь гозойсон ч яаж ч чадсангүй.
Бүх элсний хаад Крессийн царайг урлаж дуусах үед тэрбээр холограмыг авч «үдэшлэгийн цаг» болсон гэж шийдэв. Найз нөхөд нь мэл гайхах болно. Кресс тэр ч байтугай тэдэнд дайн үзүүлж болох юм. Тэрбээр баясгалантай гүнгэнэн зочдынхоо жагсаалтыг гаргалаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 6:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
***

Үдэшлэг онцгой амжилттай болов.
Кресс гучин хүн урьснаас зугаа цэнгэлийг нь хамт хуваалцдаг хуруу дарам дотны анд нөхөд болон хуучин дурлалт хүүхнүүд, бизнесийн хамтрагч тэргүүтэй урилгыг нь хүлээн авахгүй байхын аргагүй өрсөлдөгч нар багтжээ. Тэр тэдний зарим нь сандран тэвдэж, тэр ч байтугай «элсний хаад»-д нь гомдож болохыг мэдэж байлаа. Үүнийг хүртэл тооцоолжээ. Саймон Кресс ялангуяа нэг зочныхоо дээд зэргийн гомдохыг мэдэж байв.
Гэсэн ч тэрбээр урам зоригтойгоор Жэйла Воугийн нэрийг жагсаалтандаа нэмлээ.
– Шэйдийг авчраарай гэж урилгандаа хэлжээ.
Урилгыг хүлээн авсан явдал гайхлыг нь бага зэрэг төрүүлэв.
– Шэйд оролцож чадахгүй. Тэр олон нийтийн ажилд оролцдоггүй юм. Миний хувьд гэвэл чиний элсний хаад ямаршуу байгааг харах боломжийг алдахгүй гэж Воу хариулав.
Кресс зочиддоо зориулан тансаг зоог захиалав. Эцсийн яриа хөөрөө намдахад зочдын ихэнх дарсанд шилжих үед, Кресс ширээн дээрх хоолны үлдэгдлийг том тавгаар хамж аван бүгдийн гайхлыг төрүүлэв.
– Алив та нарт бүгдээрэнд чинь би шинэ амьтнаа үзүүлмээр байна гээд тэр зочдоо зочны өрөө рүүгээ дагуулан явлаа.
Элсний хаад түүний хүсэн хүлээсэн байдалд байв. Кресс тэднийг бэлтгэхийн тулд хоёр өдрийн турш өлсгөж тулааны догшин зан авиртай болгожээ. Зочид хоргыг тойрон зогсож Крессийн бодлогын чанартай бэлтгэсэн томруулдаг шилээр элсний хаад хоолны үлдэгдлийн төлөө ялгуусан тулаан дайтахыг харцгаав. Тулааны эцэст бараг жаран мобайл үхжээ. Саяхан холбоо байгуулсан улаан, цагаан талынхан хоолны ихэнхийг мэдэлдээ авцгаав.
– Кресс чи ямар жигшмээр юм бэ гэх Кэт Млэйний дуу хадав. Тэр түүнтэй хоёр жилийн өмнө түр хугацаанд амьдарч байсан ч уйланхай уяхан сэтгэл нь Крессийг золтой галзууруулах дөхжээ.
– Би энд эргэж ирдэг тэнэг байж. Чамайг өөрчлөгдөж уучлал гуйх гэсэн юм болов уу гэж бодлоо гээд Кэт түүний шамблер хайртай маш хөөрхөн гөлгийг нь идсэн явдлыг огтхон ч уучлаагүй байв.
– Намайг ахин ийшээгээ бүү уриарай, Саймон гээд Кэт одоогийн үерхдэг хүүхнийх нь хамт гарахад бөөн хөхрөлдөөн дагалдав.
Бусад зочид нь асуулт дүүрэн байв.
– Элсний хаадыг хаанаас авсан юм бэ? гэж тэднийг сонирхоход,
– Воу, Шэйд хоёроос гээд эелдэгээр үдшийн ихэнх хугацааны турш чимээгүй байсан Жэйла Воу руу заав.
– Тэд яагаад шилтгээнээ чиний дүрсээр чимэглэсэн юм бэ?
– Яагаад гэвэл би сайн сайхан бүхний эх учраас. Та нар үүнийг анзаарахгүй байна уу? гэхэд ахин хөхрөлдөөн үүслээ.
– Тэд ахин тулалдах болов уу?
– Мэдээж гэхдээ өнөө шөнө биш. Гэсэн ч санаа зовох хэрэггүй дээ дараа дараагийн үдэшлэг гэж байгаа.
Харийн судлалаар сайн дураар мэргэжсэн Жад Раккис бусад тулалддаг шавьжнуудын тухай ярив.
– Элсний хаад хөгжилтэй ч тийм ч онцгой биш. Чи Терран гаригийн цэрэг шоргоолжны тухай уншиж үзэх хэрэгтэй.
– Элсний хаад бол шавьж биш Жэйла Воу эгдүүцэн хэлсэн ч Жад аль хэдийн холдсон тул хэн ч түүнд анхаарал хандуулсангүй. Кресс инээмсэглэн түүн рүү мөрөө хавчив.
Малада Блэйн дараагийн удаа дайныг үзэхэд мөрий тавихыг санал болгоход бүгдэд янз бүрийн санаа төрлөө. Дүрэм журмын тухай яриа хөөрөө бараг цагийн турш үргэлжлэв. Эцэст нь зочид явах цаг болов.
Жэйла Во хамгийн сүүлд гарав.
– Тэгэхээр миний элсний хаад гарцаагүй сэтгэгдэл төрүүлсэн биз гэж Кресс ганцаар хоцорсон хойно хэлэв.
– Тэд үүргээ сайн биелүүлсэн. Минийхээс хүртэл хамаагүй том байна.
– Тийм л дээ шаргалаас бусад нь гэж Кресс хэлэв.
– Би үүнийг ажигласан. Тэд цөөхүүл болохоор шилтгээн нь тарчиг байна лээ.
– Хэн нэгэн ялагдах ёстой. Шаргалууд хамгийн сүүлд гарч ирж хамгийн сүүлд төвхнөсөн. Тэд үүнийхээ хариуг амсаж байгаа юм.
– Өршөөгөөрэй гэвч танаас нэг зүйл асуухад элсний хаадаа хангалттай хооллож юу?
– Тэд үе үе мацаг барьдаг. Энэ нь тэднийг эрэмгий болгож байгаа юм гээд Кресс мөрөө хавчлаа.
– Тэднийг өлсгөх хэрэггүй. Цаг нь болоход өөрсдийнхөө шалтгаанаар тулалдаг. Энэ тэдний төрөлх зөн болохоор гарцаагүй тулалдах болно. Харин байнгын дайн тэдэнд зөвхөн утгагүй өлсгөлөн, задран бууралтыг авчирна гээд Воу хөмсөг зангидав.
Саймон Кресс Воугийн хөмсөг зангидахыг сонирхон харлаа.
– Та миний гэрт байна, Воу. Энд би юу болохыг шийднэ. Би элсний хаадыг чиний хэлсэн ёсоор тэжээсэн ч тэд тулалдаагүй.
– Чи тэвчээртэй байх хэрэгтэй.
– Үгүй ээ. Би тэдний эзэн бурхан нь. Би яахаараа тэдний хэзээ хөдлөхийг хүлээх ёстой юм бэ? Тэд надад таалагдахаар үргэлж дайтахгүй байна. Би нөхцөл байдлыг залруулсан юм.
– Харж байна аа. Би үүнийг Шэйдтэй ярилцъя гэхэд,
– Энэ та хоёрын сэтгэл зовох асуудал биш гэж Кресс зандарлаа.
– Тэгвэл тавтай нойрсоорой гэж Воу хүлцэнгүй хэлэв. Гэвч тэр хүрмээ өмсөн гарахдаа түүний эцсийн удаа зэмлэнгүй харж,
– Царайнуудаа хараач, Саймон Кресс. Царайнуудаа хар хэмээн анхааруулав.
Явсных нь дараа гайхширсан Кресс хорго руу буцаж ирэн шилтгээн рүү ширтлээ. Царайнууд урьдынх шигээ байсан хэвээр байв. Томруулдаг нүдний шил зүүсэн ч ялгааг нь харахад бэрх байв. Гэсэн ч түүнд царайны хувирал нь үл мэдэг өөрчлөгдөн инээмсэглэл нь яагаад ч юм хорсолтой болсон юм шиг санагджээ. Гэсэн ч энэ нь маш өчүүхэн хэдий ч өөрчлөлт байв. Кресс эцэст нь өөрийгөө итгүүлэхээ больж, Жэйла Воу тэргүүтэй хүмүүсийг ахин урихгүйгээр шийдэв.

***

Дараагийн хоёр сарын хугацаанд Кресс долоо хоног бүр цугларч түүний «дайны тоглоом» гэж нэрлэдэг үзвэрийг үзэх дуртай арваад нөхөдтэй болжээ. Эхэндээ гайхамшигтай байсан элсний хаад хугацаа өнгөрөх тусам уйтгартай болоход тэр бизнесийн ажил, хувийн амьдралдаа анхаарал хандуулсан ч хэдэн нөхөдтэйгээ дайн үзсээр байлаа. Тулалдааныг хурц болгохын тулд байнгын өлсгөлөнд байлгана. Энэ нь шаргал элсний хаадад хүчтэй нөлөөлөн тоо толгой нь эрс мэдэгдэхүйц цөөрөхөд Кресс моо нь үхсэн юм болов уу хэмээн гайхширлаа. Гэсэн ч бусад нь сайн байв.
Зарим шөнө унтаагүй үедээ Кресс лонхтой дарс авч бяцхан цөлд улаан гэрэл ассан харанхуй зочны өрөөнд очно. Тэр хэдэн цагийн турш ганцаар харан уудаг байлаа. Хоргонд байнгын тулаан явагдах бөгөөд харин явагдаагүй үед нь тэр хоолны өөдөс хаяж эхлүүдэг байв.
Тэд Малада Блэйний гаргасан санаа ёсоор долоо хоногийн тулалдаанд хоорондоо мөрийцлөө. Кресс хоргон дахь хамгийн хүчирхэг олон тооны болж, сүрлэг шилтгээнтэй болсон цагааны талд мөрий тавин хожжээ. Нэгэн долоо хоногт тэрбээр ердийнхөөрөө тулалдааны төв газар унагахын оронд хоргоны дээд талын буланг сөхөн хоолыг цагаан шилтгээнд ойрхон унагахад бусад нь цагаануудаас хоол авахаар дайрав. Тэд оролдсон ч цагаанууд гайхамшигтай сайхан хамгаалав. Кресс Жад Раккисаас зуун стандарт хожжээ.
Раккис элсний хаадыг долоо хоног бүр үздэг байв. Тэр тэдний тухай сайн мэддэг дүр үзүүлж эхний үдэшлэгийн дараа судалсан гэж зарласан ч мөрийнд аз таарсангүй учир Кресс Жадыг хоосон хөөрсөн гэж боджээ. Тэр элсний хаадыг өөрийн биеэр судлахыг хичээж номын санд очин амьтдын тухай үзсэн ч тэд жагсаалтанд байсангүй. Энэ тухай Воугоос лавлах гэснээ өөр санаа зовох олон ажилтай байсан болохоор тэгсхийгээд мартжээ.
Эцэст нь сарын дараа хожигдол мянган стандартаас илүү болоход Жад Раккис «дайны тоглоом»-д гартаа жижигхэн хуванцар сав барьсаар ирэв. Хайрцган дотор алтан үсээр хучигдсан аалзтай төстэй амьтан байлаа.
– Элсний аалз. Катадигээс авчирсан юм. Би үүнийг дэлгүүрээс өнөөдөр үд дунд худалдан авсан. Тэд аалзны хорны хүүдийг сугалдаг хэдий ч үүнийх хэвээрээ байгаа. Саймон чи тоглох уу? Би мөнгөө буцааж авахыг хүсч байна. Би танай элсний хаадын эсрэг элсний аалзаа мянган стандартаар мөрийцлөө.
Кресс хуванцар шоронд хоригдсон аалзыг ажиглав. Элсний хаад нь Воугийн хэлснээр хоёр дахин томорсон ч аалзны дэргэд өчүүхэн байв. Үүний зэрэгцээ аалз хортой байхад тэд үгүй байлаа. Гэсэн ч элсний хаад маш олуулаа байсан бөгөөд сүүлийн үед эцэс төгсгөлгүй дайн тулаанд эцэж цуцах болжээ. Энэ тэмцээн түүний сонирхлыг хөдөлгөв.
– Тохирлоо. Жад чи тэнэг юм даа. Элсний хаад чиний энэ үзэмжгүй амьтныг чинь үхтэл нь гишгэлэх болно.
– Харин чи тэнэг, Саймон. Катадэйний элсний аалз нам гүм газар ангалын завсар нуугддаг болохоор шилтгээн рүү чинь шууд орж моог иднэ.
Кресс хүмүүсийн хөхрөлдөөн дунд хөмсөг зангидав. Тэр үүнийг тооцсонгүй.
– Наадхаа тавь гэж ууртаа хэлээд уух юмаа сэлбэхээр одов.
Аалз хоолны нүхээр оруулахад хэт том байв. Раккис хоргоны тагийг өрөөсөн тал руу нь үл мэдэг сөхөхөд хоёр хүн тусалж, Малада Блэйн хайрцагнаас нь гарган аалзыг сэгсэрлээ. Аалз улаан шилтгээний урд бяцхан манхан дээр хөнгөн газардаж хормын турш гайхан зогссоноо хазуураа ангалзуулан, хөлөө заналхийлэн сарвалзуулав.
– Алив ээ гэж Раккис шавдуулав. Тэд бүгд хоргыг тойрон цугларлаа. Саймон Кресс нүдний шилээ авч зүүв. Тэр мянган стандартаа алдаж байгаа бол ядаж үүнийгээ сайтар харах хэрэгтэй байлаа.
Элсний хаад халдан довтлогчийг харжээ. Бүх шилтгээн нам гүм байдалд шилжив. Жижигхэн улаан мобайлууд хөдөлгөөнгүй болон харлаа.
Аалз цамхгийн орой дээрээс Саймон Крессийн тоомсоргүй царай ширтэх харанхуй хаалганы зүг хөдөлж эхлэв.
Тэгтэл хөдөлгөөн гарлаа. Ойролцоох улаан мобайлууд элсэн дээгүүр аалзны зүг жагсав. Цайзын дотор талаас улам олон дайчид гарч ирэн моогийн амьдардаг газар дорх өрөө хүрэх замыг гурван давхар хаалтаар хамгаалав. Туршуулууд тулаанд манхан дээгүүр үймэлдэн гүйлдэнэ.
Тулаан эхэллээ.
Дайралтын элсний хаад аалзыг нөмрөн авлаа. Тэд эрүүгээрээ гэдэс, хөлнөөс нь хазан зууралдав. Улаанууд алтан хөлөөр нь халдан довтлогчийн нуруу луу авиран гарч хазаж хуулахад тэдний нэг нүдийг нь бяцхан шаргал тэмтрүүлээрээ хүү татав. Кресс инээмсэглэн заав.
Гэсэн ч тэд жижигхэн бас хоргүй учир аалз зогссонгүй. Хөлөөрөө элсний хаадыг хоёр тийш нь түлхэж эрүүгээрээ зуун хаялаа. Арваад улаан амьтан үхжээ. Элсний аалз дээгүүр нь өнгөрч цайзын өмнөх гурван давхар эгнээ рүү чиглэв. Эгнээ түүнийг тойрон хаагдаж амь хайргүй тулаан эхлэв. Элсний хаадын баг аалзны өрөөсөн хөлийг тас хазахыг Кресс харлаа. Цайзын орой дээрээс хамгаалагчид бөөн бөөнөөрөө үсрэн бууна.
Элсний хаадын дор булагдсан аалз ямар нэг хүчээр харанхуй руу орж алга болов.
Жад Раккис уртаар шүүрс алдав. Тэр зэвхий царайлжээ.
– Гайхамшигтай гэж нэг хүн уулга алдахад Малада Блэйн хүнгэнэтэл инээв.
– Хараач гээд Иди Нореддиан Крессийн гарнаас угзарлаа.
Тэд булангийн тэмцэлд улайрсандаа болоод хоргын бусад хэсгийг анзаарсангүй. Гэвч одоо элсэн дээр үхсэн мобайлуудаас бусдаар цайзын үймээн зогссон болохоор бүгд харлаа.
Улаан цайзын өмнө гурван арми жагсчээ. Тэд хөдөлгөөнгүй эмх цэгцтэй агаад шаргал, цагаан, хар элсний хаад эгнээ эгнээгээрээ жагсчээ. Тэд гүнээс юу гарч ирэхийг харахыг хүлээж байлаа.
Саймон Кресс инээмсглэв.
– Хамгаалалтын шугам. Бусад цайзыг хараач, Жад.
Раккис харснаа хараал тавилаа. Мобайлуудын баг цэрэг хаалгыг элс, чулуугаар чигжжээ. Хэрвээ аалз энэхүү тэмцлээс ямар нэг аргаар мултарлаа гэхэд бусад цайз руу шургах замгүй болсон байлаа.
– Би дөрвөн аалз авчирдаг байж. Тэгсэн ч гэсэн хожсон. Миний аалз одоо доош орсон болохоор чиний хараал идсэн моог идэж байгаа гэж Жад Раккис эгдүүцэв.
Кресс хариулсангүй хүлээлээ. Сүүдэрт хөдөлгөөн гарав.
Нэн даруй улаан мобайлууд хаалганы зүг ухасхийв. Тэд цайзад байрлалаа эзэлж аалзны учруулсан хохирлыг сэргээн засварлаж эхэллээ. Бусад армиуд тарж тус бүрийн булан руугаа ухрав.
– Жад. Би чамайг хэн нь хэнийгээ идсэн тухай арай эндүүрсэн гэж бодож байна хэмээн Саймон Кресс хэлжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 6:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Онцгүй зохиол байна уу. Өнөөдөр бараг орчуулаад дуусгачихъя гэж бодсон юмсан.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.11.16 7:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7129
Яасанбэ
Орой уншнаа

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Mar.11.16 8:15 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 473
Location: Төв цэгт
Сонирхолтой юм байнаа. Заавал дуусгаарай. Баярлалаа Крофт.

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
PostPosted: Mar.11.16 10:31 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jun.01.13 6:02 pm
Posts: 65
Bayrlalaa


Top
   
PostPosted: Mar.11.16 10:37 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1989
Location: Go for needs not sales
bayrlalaa mash ih
arai unshij ehleegui bn comoo mar avchrahaaraa unshinaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.11.16 11:10 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1989
Location: Go for needs not sales
Utsan dree unshchlaa nud jhn ovdojin ghde yahaw lag huurhun yumaa
Yr n hun torolhtnii amidral shigiin
Elsnii haaduud n neh egduutei sanagdaad bhiin
Burhan gj bodood nuuriin n durseldeg ch geh shig kkk
Minii nuur yah bolj bnaa? Ted hezee minii nuuriig urlah yumbe lol :P
Bayrlalaa Croftdoo uneher goy zohiol bn
Waiting...

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.11.16 11:19 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 154
гайхалтай , тун сонирхолтой


Top
   
PostPosted: Mar.11.16 11:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
***

Дараагийн долоо хоногт Раккис дөрвөн урт мөнгөн могой авчирчээ. Элсний хаад үүнийг төвөггүйхэн дийлэв.
Араас нь том хар шувуу авчирав. Шувуу гучин цагаан амьтан идэж цайзыг нь дэвслэн юу ч үгүй болтол нураасан ч, жигүүр нь цуцах үед элсний хаад буусан газар луу нь дайрлаа.
Үүний дараа элсний хаадтай ижилхэн хуягласан цох авчрав. Гэвч цохнууд тэнэг ажээ. Шаргал, хар хоёр холбоо байгуулан тэдний эгнээг эвдэж сарниулан дундуур нь хядав.
Раккис Крессээс өр төлөх баталгаа авахыг гуйлаа.
Энэ хугацаанд Кресс Эсгардад нэгэн үдэш дуртай ресторандаа хооллож байх зуур Кэттэй ахин уулзав. Тэр Кэтийн ширээнд түр зогсож дайны тоглоомныхоо тухай ярин түүнийг оролцохыг урьжээ. Кэт улайснаа биеэ барьж мөс шиг хүйтнээр,
– Хэн нэгэн чамайг зогсоох болно доо, Саймон. Энэ нь би байх болно гэж хэлжээ. Кресс мөрөө хавчаад хоолоо тавтай зооглон сүрдүүлгийг нь юман чинээ бодсонгүй.
Долоо хоногийн дараа жижигхэн булиа эмэгтэй хаалган дээр нь ирэн цагдаагийн үнэмлэх үзүүлэв.
– Бидэнд гомдол ирлээ. Та хорго дүүрэн аюултай шавьж хадгалж байгаа юм уу?
– Шавьж биш. Алив ээ, би танд үзүүлье гэж Кресс ууртай хэллээ.
Цагдаа элсний хаадыг хармагц толгой сэгсрэв.
– Үүнийг зөвшөөрч болохгүй. Чи эдгээр амьтдын тухай юугаа мэдэх юм бэ? Ямар ертөнцөөс ирснийг нь мэдэх үү? Тэднийг экологийн зөвлөлд шалгуулсан уу? Чамд эдгээр амьтдын зөвшөөрөл байна уу? Бидэнд тэднийг аюултай махчин буюу хагас ухамсартай амьтан гэсэн. Ер нь энэ амьтдыг хаанаас авсан юм бэ?
– «Воу ба Шэйдээс» гэж Кресс хариу өчив.
– Хэзээ ч энэ тухай дуулж байсангүй. Магадгүй манай экологчид үүнийг зөвшөөрөхгүйг мэдээд хууль бусаар оруулж ирсэн биз. Үгүй дээ, Кресс энэ бүтэхгүй. Би энэ хоргыг хураан авч устгана. Дээрээс нь чамд бас хэдэн сайн торгууль тавина.
Кресс түүнд өөрийнх нь тухай болон элсний хаадын тухай мартахад зуун стандарт санал болгов. Цагдаа шүдээ хавшаад,
– Одоо хахууль өгөхийг оролдсон хэрэг чиний эсрэг нэмэгдлээ гэв.
Кресс үнээ хоёр мянган стандарт хүртэл өсгөхөд түүнийг ятгаж дөнгөжээ.
– Энэ амар хэрэг биш гэдгийг чи мэдэж байгаа. Тэдний бүртгэлийг өөрчилж, дуудлагыг нь устгана. Экологчдын хуурамч зөвшөөрөл авахад хугацаа хэрэгтэй. Гомдлогчийн тухай дурьдсаны ч хэрэг алга. Тэр ахин утасдвал яах болж байна?
– Түүнийг надад орхи. Надад даалга гэж Кресс хэллээ.

***

Кресс энэ тухай хэсэг хугацаанд бодож үзээд тэр шөнө дэлгэцээр утсаар ярилаа.
Эхлээд «Тетерэйн» амьтны дэлгүүр лүү утасдав.
– Би нохой худалдаж авах гэсэн юм. Гөлөг гэхэд дугуй нүүртэй худалдагч түүн рүү гөлрөн,
– Гөлөг гэнэ ээ? Энэ чинь чамтай нэг л адилгүй байх чинь, Саймон. Яагаад өөрөө ирэхгүй байгаа юм бэ? Надад сайхан сонголт бий гэв.
– Би маш онцгой төрлийн гөлөг авах гэсэн юм. Ямаршуу төрхтэйг нь чамд дүрслээд өгье.
Дараа нь Иди Нореддиан руу залгав.
– Иди би чамайг өнөө шөнө энд бичлэгийн төхөөрөмжтэйгээ ирэхийг хүсье. Надад элсний хаадын тулааныг бичих нэг санаа байна. Нөхдийнхөө нэгт бэлэглэх гэсэн юм.

***

Тэр шөнө бичлэг хийсний дараа Саймон Кресс орой унтлаа. Тэр хийсэн кинондоо сэтгэл хангалуун жаахан зууш идэж, тамхи татаад, лонх дарс задлав. Ингээд маш жаргалтайгаар гартаа хундага барин зочны өрөөнд орж ирлээ.
Гэрэл асчээ. Террариумын улаан гэрэл улаан сүүдэр татуулна. Кресс харынхан цайзаа хэрхэн сэргээн засч буйг сонирхон эзэмшил рүүгээ харлаа. Гөлгийг хорго дотор орхижээ.
Сэргээн босох ажил сайн явагдаж байв. Гэсэн ч Кресс ажлыг томруулдаг шилээрээ шалгаж үзэхэд царайны төрхөө хараад мэл гайхлаа.
Тэр арагш болон нүдээ анивчсанаа, дарснаасаа том балгаад ахин харлаа.
Ханан дээрх царай түүнийх хэвээр байв. Гэсэн ч нэг л буруу болж тэр чигтээ мурийжээ. Хацар нь хавдан пөмбийж, инээмсэглэл нь ёжтой муухай болсон байв. Тэр гарцаагүй хорон санаатай харагдаж байв.
Эвгүйцэх сэтгэл төрөхөд хоргыг тойрон бусад цайзыг шалгалаа. Тэд хоорондоо бага зэрэг ялгаатай боловч бүгд ижил байв.
Шаргалууд хамгийн сайн дүр зураг болох догшин хэрцгий ам, ухаангүй нүд гаргажээ.
Улаанууд түүнийг чөтгөрийн маягтай татвалзан инээмсэглүүлсэн байв.
Харин түүний хамгийн хайртай цагаанууд хэрцгий, тэнэг бурхныг дүрсэлсэн байв.
Саймон Кресс дарсаа өрөөн дундуур хилэгнэн чулуудлаа.
– Та нар ингэж зүрхэлнэ гэнэ ээ. Одооноос эхэлж долоо хоногийн турш хоолгүй байх болно доо хараал идмэр гэж. Би та нарт сургаад өгье гэж ширүүн хоолойгоор хэлэв.
Түүнд нэг санаа төрлөө. Кресс өрөөнөөс гарч хормын дараа гартаа эртний шиддэг илд барин орж ирэв. Энэ нь метрийн урттай бөгөөд хурц үзүүртэй байв. Кресс инээмсэглэн дээшээ авирч хоргоны тагийг цөлийн өрөөсөн буланд хажуу тийш сөхөөд доош тонгойн илдээр дор байсан цагаан цайзыг хатгалаа. Тэр нааш цааш урагш хойш чичин цамхаг, хана хэрмийг нураав. Элс чулуу нурж үймэлдэн гүйх мобайлуудыг дарав. Түүний бугуй элсний хаадын эрээ цээргүй доромжлон дүрсэлсэн зургийг нураав. Ингээд илдний үзүүрийг моогийн өрөө рүү орох хар амны дээр зоож бүх хүчээрээ хатгалаа. Тэгтэл зөөлөн няцрах чимээ гарч эсэргүүцэн татвалзав. Бүх мобайлууд чичрэн уналаа. Сэтгэл ханасан Кресс буцаж татав.
Тэр хормын турш моог алсан эсэхээ тунгаан харав. Илдний үзүүр нойтон гулгамхай болжээ. Гэвч эцэст нь цагаан элсний хаад ахин хөдөлж эхлэв. Сулхан удаан боловч ямартай ч хөдөлж байлаа.
Кресс тагийг буцааж байранд нь тавиад хоёр дахь шилтгээн рүү хөдөлтөл ямар нэг юм гар луу нь авирлаа.
Хашгиран илдээ унагаад биен дээрээ байсан элсний хааныг унагаж, хивсэн дээр ойчиход өсгийгөөрөө үхтэл нь няц гишгэв. Няцарсан хойно хөлөө авлаа. Үүний дараа чичирсээр хоргыг ахин түргэн лацдаж шүршүүрт орон биеэ анхааралтай шинжлээ. Хувцас хунараа буцалгаж ариутгав.
Ингээд хэдэн аяга дарс уусны дараа зочны өрөөнд эргэн орж ирэв. Тэр элсний хаанаас айсандаа бага зэрэг ичсэн ч тагийг ахин онгойлгосонгүй. Одооноос эхлэн лац хөдөлгөөнгүй байх болно. Гэсэн ч бусдыг нь шийтгэх арга олох хэрэгтэй.
Кресс ахин аяга дарс уух зуураа яах талаар төсөөлөхөд эцэст нь онгод орж ирлээ. Тэр хорго руу инээмсэглэн очиж цаг агаарын хяналтыг хэдээр өөрчлөн тохируулав.
Буйдан дээр гартаа дарсны хундага барин нойрсох үед нь элсэн шилтгээнүүд бороонд хайлж байв.

***

Кресс хаалга ууртай нүдэх чимээнээр сэрэв.
Тэр гуйвлан өндийн суухад толгой нь хатгуулан өвдөв. Дарсны шар үргэлж хамгийн хэцүү байдаг билээ. Гуйвлан үүдний өөрөө рүүгээ ороход, Кэт гадаа зогсож байв.
– Чи бол мангас. Би шөнөжингөө уйллаа, чамайг хараал идээсэй. Гэвч ахин тийм юм болохгүй, Саймон гэж тэр нулимсны ор зурайсан хавдсан нүүртэй хэллээ.
– Тайвшир. Би шартчихаад байна гээд Кресс толгойгоо барилаа.
Кэт хараал тавин түүнийг хажуу тийш түлхээд байшин руу ухасхийн орлоо. Шамблер ямар учиртай чимээ гараад байгааг мэдэхийн тулд булангийн цаанаас гарч ирэв. Кэт түүн рүү нулмиад зочны өрөө лүү ороход, Кресс араас нь даган сажилж,
– Хүлээ гэснээ, – Чи хаанаас... чи ингэж болохгүй гээд гэнэтхэн айдаст автан зогслоо. Кат зүүн гартаа хүнд алх барьжээ.
– Үгүй ээ гэж тэр дуу алдав.
Кат элсний хаадын хорго руу шулуухан явлаа.
– Чи дур булаах увидастай юм биз дээ, Саймон. Тэгвэл тэдэнтэйгээ амьдар.
– Кэт! гэж тэр байдгаараа ориллоо.
Кэт алхыг хоёр гараараа бариад хамаг хүчээрээ хоргоны хажуу тал руу буулгав. Цохилтын чимээнд толгой нь янгинахад, Кресс цөхөрсөндөө дуу алдав. Гэвч хуванцар тэслээ.
Кэт ахин далайв. Энэ удаа тас хийх чимээ гарч нимгэн цууралт үүсэв.
Кресс гурав дахь удаагаа алхаа далайхад түүн рүү ухасхийн хамтдаа газар унаж өнхөрлөө. Кэт алхаа алдаж түүнийг багалзуурдахыг оролдсон ч, Кресс гарыг нь цус гартал хазан мултрав. Тэд хоёул хөл дэрээ амьсгаадан босов.
– Чи өөрийгөө хар даа, Саймон. Цус амнаас чинь дусалж байна. Чи амьтдынхаа нэгтэй адил болжээ. Амт нь хэр таалагдаж байна даа?
– Эндээс гар гээд Крессийн нүдэнд өнгөрсөн шөнө газар хаясан илд өртөхөд шүүрэн авч өргөлөө.
– Гар гэж байна шүү давтан хэлээд илдийг савчин, – Хорго руу ахин ойртох гээд үзээрэй гэхэд Кэт хөхөрлөө.
– Чи чадахгүй гээд тэр алх руугаа бөхийлөө.
Кресс түүн рүү орилон дайрлаа. Болсон явдлыг сэхээ орж амжихаас өмнө төмөр илд гэдсэнд нь зоогджээ. Кэт түүн рүү гайхан харснаа илд рүү харлаа. Кресс гиншин ухрав.
– Би тэгэх гээгүй... Би зөвхөн хүссэн...
Кэт цус урсган хөшсөн ч унахгүй тэслээ.
– Чи ч мангас юм даа гэж тэр ам дүүрэн цустай хэлэв. Ингээд илд зоолгоостой хэвээр эцсийн хүчээ шавхан хорго руу савав. Цуурсан хана хэмхрэхэд Кэт элс, шавар, хуванцарын хэлтэрхийд дарагдав.
Кресс айсандаа орь дуу тавин хашгираад буйдан дээр авиран гарлаа.
Элсний хаад зочны өрөөний шалан дээрх нурангинаас гарч ирэн Кэтийн биен дээр шавлаа. Зарим нь хивсэн дээр гарч үзэхэд араас нь бусад нь дагав.
Кресс элсний хаадын дөрвөлжилсөн хэсэг цуваа нялцгар хэлбэр дүрсгүй хүний толгойны хэмжээтэй том түүхий мах шиг юм гаргаж ирэхийг харав. Тэд түүний хоргоноос зөөж гаргахад цохилж байлаа.
Энэ агшинд Кресс ухасхийн зугтжээ.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 12:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Begin wrote:
Minii nuur yah bolj bnaa? Ted hezee minii nuuriig urlah yumbe lol

Алив нүүрээ утасныхаа дэлгэцэнд наа даа. Нилээн ярвайсан царай гарч ирж байна шүү :mrgreen:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 1:09 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1989
Location: Go for needs not sales
hha hun gegeen duree urluulah gd odorjin utsand nuuree nagad bhd chn udad bhiin huurhun zolignuud chin kkkk

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.12.16 1:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
***

Үд өнгөрсөн хойно түүнд эргэж ирэх зориг оров.
Тэр хөлгөө унаж тавин километрийн зайтай ойролцоох хот руу нисэн айсандаа болоод золтой өмдөндөө тавьсангүй. Гэвч аюулгүй газар холдсон хойно жижиг ресторанд орж хэдэн аяга кофе ууж, шарталтын эсрэг хоёр эм залгиад, нэг бүтэн өглөөний хоол идэж биеэ барих чадвар нь эргэж ирэв.
Аймшигтай өглөө байлаа. Гэсэн ч шийдсэн юм юу ч байсангүй. Кресс ахин кофе захиалж нөмрөн ирсэн гарцаагүй бодит байдлыг тунгаав.
Кэт түүний гарт амь үрэгдсэн. Тэр үүнийг мэдээлж золгүй явдал байсан гэж хэлэх үү? Нэг л эргэлзээтэй байна даа. Тэр түүнийг цагдаагийн офицерт өөрт нь орхи гэж хэлсэн. Нэн тэргүүнд гэрчийн баримтнаас салах хэрэгтэй тэгээд ч Кэтийг өнөө өглөө хаашаа явахаа хэнд ч хэлээгүй гэж найдаж байна. Энэ боломжтой юм. Кэт түүний бэлгийг өнгөрсөн шөнө хүлээн авсан. Тэр шөнөжингөө уйлсан гэж хэлсний зэрэгцээ ирэхдээ ганцаар байсан. Маш сайн байна цогцосноос хөлөгтэй нь ангижрах хэрэгтэй.
Эцэст нь элсний хаад үлдлээ. Тэдний учрыг олоход хамаагүй бэрх байв. Одоо бүгд зугтсан нь эргэлзээгүй. Элсний хаад байшингийнх нь эргэн тойронд болон ор дэр, хувцас хунар, хоол ундаар нь тархсан гэж бодохоос хамаг бие нь эрвэгнэх шиг болоход Кресс татвалзан чичирлээ. Гэсэн ч тэднийг алахад бэрх биш гэж өөртөө итгүүлэв. Түүнд мобайл бүрийг алах шаардлага байхгүй. Ердөө дөрвөн моог алахад болно. Тэр үүнийг чадна. Тэднийг ямар том болохыг нь харсан. Кресс моог олоод тэднийг бүгдийг ална.
Саймон Кресс гэр лүүгээ буцахаас урд дэлгүүр орлоо. Тэр хөлөөс толгой хүртэл өмсгөл худалдан авч, хэдэн уут рокжокийн хорт үрэл болон шавьж устгадаг хууль бус хүчтэй шүршдэг хор авав. Түүнчлэн бас татлаганы төхөөрөмж магналок авлаа.
Газардсан хойно үйл явдалд няхуур ажилдаа оров. Эхлээд Кэтийн хөлгийг өөрийнхөө онгоцны араас магналокоор холбов. Дотор нь нэгжлэг хийхэд эхний аз болох Иди Нореддианы элсний хаадын тулааны бичлэгийн болор чип урд талын суудал дээр хэвтэж байв. Тэр үүнд хамгийн их санаа зовж байсан билээ.
Хөлөг бэлэн болоход өмсгөлөө углаад дотогш Кэтийн цогцсыг авахаар орсон ч байсангүй.
Кресс хатсан элсийг нямбайлан нэгжиж үзэхэд эргэлзээгүй цогцос алга болсон байлаа. Кэт эндээс мөлхөөд явсан юм болов уу? Үгүй л баймаар юм. Кресс үргэлжлүүлэн хайлаа. Байшин дотор ямар ч цогцос байтугай элсний хаадын бараа байсангүй. Түүнд хаалганы гадна хэргийн баримт болох хөлөг байгаа цагт цааш хайх хугацаа байсангүй. Үүнийг дараа шийдэхээр шийдэв.
Крессийн эзэмшил идэвхтэй галт уулын бүсээс далан километрийн зайд оршдог аж. Тэр уулын зүг Кэтийн хөлгийг чирэн нисэж чиргүүрээ тавин доош халуун лаванд алга болохыг харлаа.
Үдэш болоход байшин руугаа буцан ирэв. Тэрбээр түр зогсон хот руу буцаж нисэн тэнд шөнийг өнгөрүүлэх эсэхээ бодсоноо энэ бодлоо хойш тавилаа. Түүнд хийх ажил байгаа. Тэр хараахан аюулгүй болоогүй байна.
Кресс хортой үрлийг байшингийнхаа эргэн тойрон тараан хаялаа. Түүнд үргэлж рокжок төвөг учруулсаар ирсэн учир хэн ч үүнийг сэжиглэхгүй. Даалгавар биелэгдсэн хойно каннистертэй шавьж устгах хорыг аван дотогш буцаж оров.
Кресс байшингийн нэг өрөөнөөс нөгөө өрөө дамжин гэрэл асаан явсаар битүү гэрэлд умбав. Зочны өрөөг цэвэрлэхээр саатан элс, хуванцрын өөдсийг хүрздэн эвдэрсэн хорго руу буцааж хийв. Элсний хаад эмээсэн ёсоор нь алга болжээ. Крессийн усан бөмбөгдөлтөнд хэлбэр дүрсээ алдсан цайз хатсан мухар үлдсэн байв.
Тэр мөрөндөө хорны каннистерийг бэхлэн хөмсөг зангидан эрлээ үргэлжүүлэв.
Доош дарсны зоорь руу харахад Кэтийн цогцос үзэгдэв.
Цогцос эгц шатны эгц хөлд үе мөч нь унахдаа эвгүй тахиралдан мурийжээ. Цагаан мобайлууд дээр нь овоорч, Крессийг харсаар байтал цогцос хатуу хөрстэй шалан дээгүүр огцом хөдлөв.
Кресс инээд алдан гэрэлтүүлгийг эцэст нь тултал асаалаа. Алсын буланд бяцхан пагдгар шороон цайзын хар нүх, дарсны хоёр эгнээний хооронд харлаж үзэгдэнэ. Кресс зоорины ханан дахь болхи хийцтэй царайгаа танив.
Цогцос цайзын зүг ахин хэдэн см хөдлөв. Кресс гэнэтхэн шунамхайран хүлээж буй цагаан моог олж харлаа. Кэтийн хөлнөөс бусад нь түүний аманд багтахгүй тул энэ нь утгагүй хэрэг байв. Тэр ахин инээд алдан зоорины уруу хуруугаа баруун гар луу унжуулсан хоолойны сойлт дээр тавин буулаа. Элсний хаад хэдэн зуугаараа хөдөлж цогцсыг орхин моогоо халхлан байлдааны жагсаалаар жагсав.
Кресст гэнэтхэн онгодын санаа орж ирэхэд инээмсэглэн баруун гараа буулгав.
– Кэтийг залгихад үргэлж хатуу байсан. Ялангуяа та нар шиг бяцхан амьтдын хувьд шүү. Тус болохыг минь зөвшөөрнө үү. Эцсийн эцэст би бурхан биз дээ? гэж өөрийнхөө ухаанд баясан хэллээ.
Тэр шатны өөдөө өгсөн хэсэг хугацааны дараа заазууртай буцаж ирэв. Элсний хаад Кресс Кэтийг залгихад бэлэн хэдэн хэсэг болгон жижиглэхийг тэвчээртэй харж хүлээн зогслоо.

***

Саймон Кресс тэр шөнө хороо гарынхаа дэргэд бэлэн байлган, өмсгөлтэйгээ унтсан ч хэрэглэх шаардлага гарсангүй. Цагаанууд зооринд цатгалан байж бусдынх нь бараа харагдсангүй.
Өглөө нь зочны өрөөгөө цэвэрлэж дуусаад эвдэрсэн хоргоны үлдэгдлээс ондоо тэмцлийн ул мөр байхгүй болов.
Кресс хөнгөн үдийн хоол зооглож, алга болсон элсний хаадыг хайх ажилдаа оров. Өдрийн гэрэлд энэ нь төвөг байсангүй. Харууд чулуун цэцэрлэгт байрлан галт уулын шил, кварц чулуугаар нүсэр шилтгээн босгожээ. Улаанууд удаан хугацаанд ашиглаагүй болохоор жилийн турш салхинд туугдан ирсэн элсэн ширхэг тарсан усан сангийн ёроолд нутагшжээ. Хоёр талын мобайлууд хоёул өөрсдийн газар нутаг дээгүүр сэлгүүцэн, тэдний ихэнх моодоо хорт үрэл авчирчээ. Кресс шавьжны хор хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. Тулалдаж азаа үзэх хэрэг алга хор үүргээ гүйцэтгэнэ биз. Хоёр моо үдэш гэхэд үхнэ.
Иймээс зөвхөн шаргал элсний хаад үлдлээ. Кресс байшингаа хэдэн удаа томоор тойрч хайсан ч тэдний бараа харагдсангүй. Хуурай халуун өдөр байсан тул өмсгөл дотор хөлс асгарч эхлэхэд энэ чухал биш гэж шийдэв. Хэрвээ тэд энд байгаа бол улаан, харынхан шиг хортой үрэл идсэн биз.
Кресс сэтгэл ханамжтайгаар хөлийн уланд тааралдсан хэдэн элсний хаадыг няц гишгэн байшин руугаа буцаж орлоо. Дотор ороод өмсгөлөө тайлж, сайхан хоол идэн эцэст нь тайвширч эхлэв. Бүх зүйл түүний хяналтанд байна. Хоёр моо удахгүй талийгаач болж гурав дахь нь дараа түүний зорилгодоо ашиглахад аюулгүй газар байж, дөрөв дэхийг нь олох нь эргэлзээгүй байлаа. Кэтийн хувьд гэвэл түүний зочлолтын ул мөрийг устгасан.
Мөрөөдлийг нь дэлгэцний анивчсан гэрэл таслав. Энэ бол өнөө оройн дайны тоглоомд махчин өт авчирахаар бардсан Жад Раккис байлаа.
Кресс энэ тухай мартсан байснаа түргэн сэхээ оров.
– Өө, Жад өршөөгөөрэй. Би чамд хэлэхээ мартаж орхиж. Би энэ бүхнээс залгаж элсний хаадаас ангижирсан. Үзэмжгүй бяцхан амьтад. Уучлаарай гэвч өнөө шөнө үдэшлэг болохгүй.
– Тэгвэл би өтөөрөө яах болж байна? гэж Раккис эгдүүцэв.
– Сагстай жимсэнд хийгээд хайртай хүндээ аваачиж өг гээд Кресс холбоогоо таслав. Тэр түргэхэн шиг бусад руу нь утасдлаа. Элсний хаад амьд, эдлэнд нь үүрлэсэн байхад гэрт нь одоо хүн ирэх шаардлагагүй байв.
Иди Нореддиан руу утасдахад дэлгэц холбогдсонгүйд Кресс унтраалаа.
Иди хуваарийн дагуу цагийн дараа ирэв. Тэр үдэш цуцлагдсаныг мэдээд гайхсан боловч үдшийг Кресстэй ганцаар өнгөрүүлэх болсондоо туйлын хангалуун байгаа бололтой. Кресс түүнд тэдний хамтдаа хийсэн бичлэгт Кэтийн уурссан түүхийг ярьж өгөв. Ярих зуураа хэнд ч дурсахгүй байхыг нь санууллаа. Ингээд толгой дохин дарсны хундагаа дүүргэхэд ердөө дусал төдий үлджээ.
– Би явж лонх дарс аваад ирье. Надтай хамт дарсны зоорь руу орж сайн дарс сонгоход туслаач. Чи дарс сонгоход надаас үргэлж дээр байсан даа.
Иди дуртайгаар явсан ч Кресс хаалга онгойлгон дотогш орохыг зангахад шатны оройд саатав.
– Гэрэл яасан юм бэ? Энэ бас юуны хачин үнэр вэ, Саймон?
Кресс түүнийг түлхсэнд тэр эхлээд гайхсанаа хашгиран доош шатны уруу унав. Кресс хаалгыг хаан үүнд зориулан бэлтгэсэн алхаар банзанд хадаас бэхлэн хадав. Үүнийгээ дуусгаад Идигийн ёолохыг сонсов.
– Би гэмтчихлээ. Саймон энэ чинь юу болж байна?
Гэнэтхэн тэр дуу алдсанаа үүний дараа хамаг байдгаараа хашгирч эхлэв.
Хашгиралт цагийн турш намдсангүй. Кресс үүнийг санаанаасаа гаргахын тулд инээдмийн кино үзлээ.
Үхсэн гэдэгт нь итгэлтэй болсон хойно, Кресс хөлгийг нь хойд зүг галт уул руу чирэн устгав. Магналок үүнд тохирсон сайн зэвсэг байлаа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 2:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
***

Маргааш өглөө нь Кресс доош шалгахаар ирэхэд зоорины хаалганы цаана хачирхалтай маажих чимээ гарав. Тэр Иди Нореддиан амьд үлдэн гарахаар маажиж байгаа юм болов уу хэмээн хэдэн удаа чих тавин чагналаа. Нэг л биш байлаа. Энэ нь элсний хаад байв. Кресст үүний утга таалагдсангүй. Тэр хаалгыг цоожтой орхихоор шийдээд, гадагш цайз дахь улаан, хар моог булшилахаар хүрз барин гарав.
Гэтэл түүнийг очиход тэд амьд байлаа.
Галт уулын шилэн хар шилтгээн гялалзаж элсний хаад хааяагүй засаж сэргээх ажил өрнүүлнэ. Бүсэлхий хүртэл өндөр сүндэрлэсэн цамхаг дээр түүний царайны аймшигтай төрх байлаа. Крессийг ойртоход харууд ажлаа зогсоож хоёр эгнээ сүрдүүлэн жагсав. Кресс ард нь буцах замыг нь хааж буй өөр нэг хэсгийг харлаа. Балмагдсандаа хүрзээ хаяж занганаас гарахаар гүйх замдаа хэдэн мобайлыг хөлийн дор няц гишгэв.
Улаан шилтгээн усан сангийн хана даган сүндэрлэжээ. Моо элс, цементэн бэхлэлтдээ аюулгүй төвхнөсөн байлаа. Улааныхан усан сангийн ёроолоор нэг таржээ. Кресс тэднийг рокжок, том гүрвэл шилтгээн рүүгээ зөөвөрлөхийг ажиглав. Тэр усан сангийн хажуунаас арагш холдох гээд хөлийн дор нэг юм гишгэв. Доош харвал гурван мобайл хөл рүү нь авирч байв. Кресс тэднийг унаган дээрээс нь үхтэл дэвсэлсэн ч бусад нь түргэхэн ойртож байв. Амьтад урьдынхаас том болжээ. Зарим нь бүр эрхийн хурууны чинээ бүдүүн болсон байв.
Кресс зугтлаа. Тэр аюулгүй байшиндаа ороход амьсгаа нь давхцан зүрх нь түг түг хурдан цохилж хаалгаа хааж түгжив. Байшин нь шавьжны эсрэг хамгаалалттай байв. Тэр энд аюулгүй.
Хатуу дарс мэдрэлийг нь бухимдуулав. Тэгэхээр хор тэднийг хөнөөгөөгүй юм байж. Тэр үүнийг мэдэх ёстой байсан. Воу түүнд моо юу ч хамаагүй иддэг гэж хэлсэн. Тэр шавьжны хорыг ажиглах ёстой байж. Кресс ажлынхаа төлөө ахин нэг балгаад өмсгөлөө углан, каннистераа ардаа бэхлэн хаалга нээв.
Гадаа элсний хаад хүлээж байв.
Нийтийн аюул заналын төлөө хоорондоо нэгдсэн хоёр арми түүний урд зогсжээ. Санаснаас олон амьтан байв. Хараал идсэн моо хагартлаа идэж байгаа бололтой. Элсний хаад хаа сайгүй сүргээрээ байв.
Кресс хошууг өргөн гохыг нь дарахад саарал манан элсний хаадын ойролцоох эгнээг утав. Тэр гараа нааш цааш хөдөлгөн шүршлээ.
Манан шингэрэхэд элсний хаад хүчтэй татвалзан, гэнэтийн татаж үхлээ. Кресс баясан инээмсэглэв. Тэд түүнтэй зэрэгцэхгүй. Тэр урдаа томоор тойруулан шүршиж улаан, хар цогцоснуудын дундуур итгэлтэй явав. Армиуд ухарлаа. Кресс тэдний дундуур моо руу зам гаргах зорилгоор давшив.
Бүх ухралт огцом зогсоход мянган элсний хаан түүний зүг дайрав.
Кресс эсрэг дайралтыг урьдчилан тааварласан тул манант илдээрээ томоор цавчихын өмнө бэлтгэн зогсов. Цэргүүд ирж үхэхэд, бүх газар нэгэн зэрэг шүршиж чадахгүй болохоор цөөн хэд амьд мултрав. Кресс амьтад хөлийг нь дамжин авирч хуванцар хамгаалалтыг үр дүнгүй хазахыг мэдрэв. Кресс тэднийг тоолгүй шүршилтээ үргэлжлүүлэв.
Тэгтэл толгой мөрөн дээр нь сулхан цохилт бууж эхэллээ.
Кресс татвалзан эргэж дээшээ харлаа. Байшингийнх нь урд тал элсний хаадаар пиг дүүрчээ. Хар, улаан хэдэн зуугаараа байв. Тэд дээр дээрээсээ давхарлан авирч түүн рүү үсрэн эргэн тойронд нь унана. Нэг нь нүүрний хаалт дотор унаж золтой нүдийг нь хазсангүй.
Кресс хошуугаа өргөн агаарт шүршиж давхарласан элсний хаад бүгд үхэх хүртэл цацав. Манан түүнийг хахаж цацан ханиалгахад, ханиалгасан хэвээр цааш шүршлээ. Байшингийнх нь урд тал цэвэр болмогц доош газар луу харлаа.
Элсний хаад түүний эргэн тойрон бужигнан арваад амьтан бие рүү нь авирч, зуугаад нь тэдэнтэй нэгдэхээр гүйлдэж байв. Кресс урдаас нь манан угтуулан тавихад хошуу доголдон бүдрэв. Тэгтэл чанга исгэрэх чимээ сонсогдон үхлийн манан мөр хүртэл хөшиглөн хучихад хахаж цацан ханиалгаж, нүд нь бүрэлзэн хорсов. Гар нь үхсэн элсний хаадаар бүрхэгджээ. Хоолой дундуураа хуваагдсаныг үзвэл тэд тас идсэн бололтой. Кресс шавьжны хоронд нүд бүрэлзэн, элсний хаадыг биенээсээ арчин унагаж байшин руу орь дуу тавин гүйлээ.
Дотор ормогц хаалгаа цоожилж хивсэн дээр унамагц бүгдийг нь няцалсан эсэхтээ итгэлтэй болох хүртэл нааш цааш өнхрөв. Каннистер хоосорч сулхан исгэрнэ. Кресс өмсгөлөө тайлаад усанд орлоо. Халуун шүршүүр арьсыг нь улайлгаж, бие нь ирвэгнэхийг зогсоов.
Хэдэнтээ сэгсэрч үзсэний эцэст зузаан хувцас, ажлын ширэн өмд углав.
– Хараал ид, хараал ид гэж бувтнав. Хоолой нь хатаж гүйцжээ. Үүдний өрөөнд амьтан байхгүй эсэхийг шалгасны дараа суун дарс хундагалалаа.
– Хараал ид гэж давтан хэлэхэд гар нь чичирч хивсэн дээр дарс асгарав.
Дарс сэтгэлийг нь тайтгаруулсан ч айдсыг нь дарж дийлсэнгүй. Кресс хоёр дахь хундагаа балгаад цонх руу гэтэн явлаа. Элсний хаад зузаан хуванцар шилний цаана явна. Кресс агзасхийн чичирснээ холбоо руугаа ухрав. Түүнд тусламж хэрэгтэй. Тэр эрх мэдэлтэнгүүд рүү утасдаж цагдаагийнхан гал шүршигчтэй ирээд...
Саймон Кресс утасдахын даваан дээр зогсож дуу алдан ёолов. Тэр цагдаагийнхныг дуудаж болохгүй. Тэгвэл зооринд байгаа цагаануудын тухай хэлж, тэд цогцсыг тэнд байхыг олох болно. Магадгүй моо Катыг одоо дуусгасан байж болох ч Иди Нореддианыг бараагүй байгаа. Кресс цогцсыг жижиглэж өгөөгүй. Тэгээд ч тэнд яс үлдсэн. Үгүй ээ, цагдаагийнхан зөвхөн эцсийн мөчид ирнэ.
Тэр холбоон дээрээ хөмсөг зангидан суув. Холбооны хэрэгсэл нь бүхэл ханыг эзэлсэн болохоор Балдурын хэнтэй ч холбогдож болох ажээ. Кресс хангалттай мөнгөтэйн зэрэгцээ зальтай болохоор үргэлж өөрийнхөө зальтайгаар бахархдаг байсан. Тэр үүнийг зохицуулж чадна.
Кресс Воу руу утасдах эсэх тухай тунгааснаа энэ тухай бодлоо удалгүй орхив. Воу хэт ихийг мэдэх болохоор асуулт асууж, тэгээд ч түүнд итгэж болохгүй байлаа. Үгүй ээ, түүнд асуулт асуудаггүй туслах хүн хэрэгтэй.
Тэгтэл хөмсөг зангидалт нь алгуур инээмсэглэл болон хувирав. Саймон Кресст харилцах хүн бий. Тэр удаан хугацаанд утасдаагүй дугаар луугаа залгалаа.
Дэлгэцэн дээр цагаан үс, урт унжуу хамартай ноомой төрхтэй эмэгтэйн царай гарч ирлээ. Хоолой нь шуурхай байв.
– Саймон. Ажил хэрэг чинь хэр байна даа?
– Ажил хэрэг сайн, Лиссандра. Надад чамд даалгах нэг ажил байна.
– Устгах уу? Миний үнэ сүүлчийн удаагаас хойш өссөн, Саймон. Энэ арван жилийн өмнөх шүү дээ.
– Чамд сайн хөлс төлнө. Чи намайг өгөөмөр болохыг мэдэж байгаа. Би чамайг хэдэн шавьжийг хяналтандаа оруулахад туслахыг хүсч байна гэхэд эмэгтэй мушийн инээмсэглэж,
– Нууцлах хэрэггүй дээ, Саймон. Энэ дуудлага хамгаалалттай гэв.
– Үгүй, би үнэнээсээ ярьж байна. Надад шавьжны асуудал тулгараад байна. Аюултай шавьж. Миний төлөө тэдэнд санаа тавиач. Ямар ч асуултын хэрэггүй. Ойлгосон уу?
– Ойлголоо.
– Сайн байна. Чамд хамтран ажиллах гурав юм уу дөрвөн хүн хэрэгтэй. Халуун даах чадвартай өмсгөл, галаар шүршигч юм уу лазер эсвэл тиймэрхүү юмаар зэвсэглээрэй. Миний газар ирвэл чи асуудлыг харах болно. Тэд маш олуулаа. Миний чулуун цэцэрлэг, хуучин усан санд цайз нь байгаа. Тэднийг дотор нь байгаа бүх юмтай нь устга. Тэгээд хаалга цохьвол би чамд дараагийн хийх ажлыг чинь үзүүлье. Чи энд хурдхан ирж чадах уу?
– Бид цагийн дараа очно гэж тэр тоомсоргүй царайгаар хэллээ.

***

Лиссандра хэлсэн үгэндээ хүрлээ. Тэр гоолиг хар хөлгөөр гурван хүний хамт ирэв. Кресс тэднийг хоёр давхрын цонхноосоо аюулгүй харж байв. Тэд бүгд нүүргүй хар хуванцар өмсгөл өмсчээ. Хоёр нь зөөврийн галаар шүршигч үүрч, гурав дахь нь лазер буу, тэсрэх төхөөрөмжтэй байлаа. Лиссандра юу ч үүрсэнгүй. Кресс түүнийг тушаал өгч буйгаар нь танив.
Тэдний хөлөг эхлээд толгой дээгүүр байдлыг шалган дор тойрон эргэлдэв. Элсний хаад ухаангүй бужигналаа. Улаан мобайлууд зүг бүр тийш эмх замбараагүй гүйв. Кресс харуулын цэгнээсээ чулуун цэцэрлэг дэх шилтгээнийг харж байлаа. Шилтгээн босоо хүний чинээ өндөртэй болжээ. Хэрэм дээгүүр хар хамгаалагчид гүйлдэн цайзын гүнээс цэргүүдийн урсгал гарч ирж байв.
Лиссандрагийн хөлөг Крессийн хөлгийн дэргэд бууж хамтрагчид нь гарч зэр зэвсгээ зэхэв. Тэд хүний бус үхлийн аюултай харагдаж байлаа.
Хар арми шилтгээнээ хамгаалан тэдний урд жагсав. Улаанууд... Кресс гэнэтхэн улаануудыг харахгүй байгаагаа анзаарлаа. Тэр нүдээ анивчив. Тэд хаачсан юм бол?

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 2:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Лиссандра заан хашгирахад хоёр галаар шүршигч хар элсний хаадыг шүршив.
Тэдний зэвсэг нь бөглүү хүнгэнэн хүчээ авахад урт цэнхэр улаан галын дөл урдаа байгаа бүхнийг дүрэлзэн долоов. Элсний хаад шарагдаж харлан үхлээ. Хамтрагчид галаар нааш цааш үр дүнтэй самнан шүршив. Тэд алхам бүрээ болгоомжтой цэгнэж байлаа.
Хар арми шатаж хэдэн хэсэг сарнихад мобайлууд мянган тийш зугтан зарим нь шилтгээн рүүгээ ухаан жолоогүй ухасхийж, бусад нь дайсныхаа зүг гүйв. Тэдний хэн ч галаар шүршигчдэд хүрч чадсангүй. Лиссандрагийн хүмүүс сайтар мэргэжлийн ажээ.
Тэгтэл нэг нь бүдэрлээ.
Бүдрэх мэт санагдсан ч Крессийг ахин харахад хөл дорх газар нь цөмөрсөн байв. «Хонгил» гэж хирдхийн бодов. Хонгил, нүх, занга. Дөл шүршигч бүсэлхийгээ хүртэл элсэнд шигдэхэд гэнэтхэн түүний эргэн тойрны газар нурах мэт болж улаан элсний хаад битүү бүчив. Тэр гал шүршигчээ хаяад биеэ байдгаараа самардан аймшигтай хашгирлаа.
Нөхөр нь хэсэг тээнэгэлзсэнээ шүршихэд улалзсан бөөн гал хүнийг элсний хаадтай юутай хээтэй нь хаман авлаа. Орь дуу тавин хашгирах чимээ зогсоход сэтгэл ханасан хоёр дахь гал шүршигч шилтгээн рүү эргэн ахин нэг алхам урагшилсан авч, хөл нь газар цөмөрч шагайгаа хүртэл далд оров. Тэр арагш татахыг хичээсэн ч эргэн тойрны элс нурахад тэнцвэр алдан бүдэрч, элсний хаад хаа сайгүй бужигнан дээрээс нь овоорч татвалзуулан өнхрүүлэв. Гал шүршигч ажилгүй болж мартагдав.
Кресс анхаарал татахын тулд цонх нүдэн хаширав.
– Цайз! Цайзыг эзэл!
Хөлөгтөө буцсан Лиссандра хашгиралтыг сонсоод дохив. Түүний гурав дахь хүн лазер тусгалтай буугаараа буудлаа. Цацраг газар дээгүүр шилтгээний оройг хуйхлахад доош нь дарж элс чулуун хэрмийг зүслээ. Цамхаг нуран унахад Крессийн сийлсэн царай хэдэн хэсэг бут үсэрлээ. Лазер нүхний амсар хайн дугуйран өрөмдлөө. Цайз нуран унаж овоолоотой элс үлджээ. Гэвч хар мобайлууд үргэлжлүүлэн хөдөлсөн хэвээр байв. Хар моо дэндүү гүнд байсан учир тэд түүнд хүрч чадсангүй.
Лиссандра ахин нэг тушаал өгөхөд хамтрагч нь лазераа больж тэсрэх бодисыг барин урагш чулуудлаа. Тэсрэх бөмбөг эхний хүний утаа уугьсан цогцсон дээгүүр даван Крессийн чулуун цэцэрлэгийн хатуу газар ойгоод хар шилтгээний нурангийн оройн дөрвөлжин дээр газардав. Крессийн нүдэнд цагаан гэрэл зурсхийхэд элс оволзон лүгхийж чулуу, мобайлууд цацагдав. Агшин зуур тоос бужигнав. Элсний хаадын хэдэн хэсэг тасар татуулсан цогцосны бороо орлоо.
Кресс хар мобайлууд хөдөлгөөнгүй үхэдхийн унахыг харлаа.
– Усан сан. Усан сан дахь цайзыг эзэл гэж цонхоор доош хашгирав.
Лиссандра газар хөдөлгөөнгүй хэвтэх харуудыг хараад түргэн ойлголоо. Гэвч улаанууд яаран түргэн буцаж эмхлэгдэв. Хамтрагч нь хэсэг тээнэгэлзсэнээ ахин нэг тэсрэх бөмбөг авлаа. Тэр нэг алхам урагш алхахад Лиссандра дуудсанд түүний зүг буцаж гүйв.
Үйл явдал жирийн өрнөв. Тэр хөлөгт хүрэхэд, Лиссандра түүнийг авч дээш хөөрлөө. Кресс байдлыг харахын тулд өөр өрөөний цонх руу гүйлээ. Тэд усан сан дээгүүр эргэлдэн бөмбөгийг улаан шилтгээн рүү хөлгөөс аюулгүй унагалаа. Дөрвийг унагасны дараа шилтгээн танигдахын аргагүй болж элсний хаад хөдлөхөө болилоо.
Лиссандра нямбай ажээ. Тэр шилтгээн тус бүр дээр нэмэлтээр хэдэн удаа бөмбөг нэмж тэслэв. Тэгээд лазер бууг ашиглаж газар байгаа жижиг толбууд дунд амьд үлдсэн амьтан байгаа эсэхийг шалгаж самнан буудлаа.
Эцэст нь тэд хаалга цохив. Кресс галзуурсан мэт хөхрөн тэднийг орууллаа.
– Янзтай гэж бахдан хэлэв.
Лиссандра өмсгөлийнхөө багийг тайлав.
– Энэ чиний хувьд үнэтэй тусна даа, Саймон. Хоёр нөхөр минь үгүй болж миний өөрийн аминд ч гэсэн аюул тулгарлаа.
– Тэгэлгүй яахав. Чамд сайн хөлс төлөх болно, Лиссандра. Юу гуйсныг чинь өгөмз. Харин одоо ажлаа дуусга.
– Ямар ажил үлдсэн гэж?
– Миний дарсны зоорийг цэвэрлэх ажил. Тэнд дор ахин нэг шилтгээн байгаа. Гэсэн ч үүнийг тэсрэх бодисгүй гүйцэтгэнэ шүү. Би хамаг байшин минь эргэн тойрон нурж унахыг хүсэхгүй байна.
Лиссандра хамтрагчаа зангав.
– Гадагш гараад Ракийн галаар шүршигчийг аваад ир. Бүтэн байх ёстой.
Нөхөр нь зэвсэглээд бэлхэн чимээгүй хүрч ирэв. Кресс тэднийг дарсны зоорь луу дагуулан явлаа.
Хүнд хаалга орхисон янзаар нь хадаастай хэвээр байв. Гэвч гадагш асар их хүчээр дарж буй мэт бөмбийжээ. Үүнийг хараад Крессийн дотор эвгүйцсэн боловч дуугарсангүй. Тэр хаалганаас сайтар холдон зогсоход Лиссандрагийн хамтрагч хадаасыг мултлан банзыг салгав.
– Энэ аюулгүй биз дээ? Би гал гарахыг хүсэхгүй л байна шүү гэж Кресс гал шүршигч рүү заан бувтналаа.
– Надад лазер буу байгаа. Бид үүнийг алахад зориулан хэрэглэдэг. Галаар шүршигчийн хэрэг байхгүй. Гэвч би юутай ч авсан юм. Тэд галаас ч дор амьтад, Саймон гэж Лиссандра хэлэв.
Тэр толгой дохилоо.
Зоорины хаалганаас сүүлчийн банзыг суга татлаа. Дор нам гүм хэвээр ямар нэг чимээ гарсангүй. Лиссандра тушаал өгөхөд нөхөр нь ухарч гал шүршигчийг хаалга руу чиглүүлэн ард байр эзлэв. Тэр багаа углаад лазер буугаа өргөн урагш алхан хаалгыг онгойлголоо.
Ямар ч хөдөлгөөн, чимээ гарсангүй. Дор харанхуй байв.
– Энд гэрэл байгаа юу? гэж Лиссандра асуулаа.
– Хаалганы дөнгөж дотор талд бий. Баруун гар талын хананд. Шатнаас болгоомжлоорой маш эгц шүү.
Лиссандра лазер буугаа зүүн гартаа барин хаалгаар орж баруун гараараа гэрлийн унтраалга тэмтэчлээ. Юу ч болсонгүй.
– Би тэмтэрлээ гэсэн ч... гэж Лиссандра хэлснээ хашгиран ухарлаа.
Том цагаан элсний хаан бугуйнаас нь тас хазан зуурчээ. Цус хазуур шигдсэн газар өмсгөл нэвтлэн урсана. Элсний хаан бугуйнх нь чинээ том байв.
Лиссандра өрөөн дундуур дэвхцэн гүйж гараа хана руу савлаа. Хананд хүнд мах саван хэдэнтээ түсхийсний эцэст элсний хаан салж унав. Тэр гиншин өвдөг дээрээ сөхөрч,
– Миний хуруу хугарчихлаа гэж зөөлөн хэллээ. Цус урссан хэвээр байв. Тэр буугаа зоорины хаалганы ойролцоо унагажээ.
– Би доошоо орохгүй шүү гэж нөхөр нь шийдэмгий хатуу хоолойгоор хэлэхэд Лиссандра түүн рүү өнгийн харлаа.
– Үгүй дээ. Хаалган дээр зогсоод галаар шүрш. Үнс нурам болго. Чи ойлгов уу?
Тэрбээр толгой дохив.
Саймон Кресс дуу алдан ёолов.
– Миний байшин гэж үглэв. Түүний дотор палхийжээ. Цагаан элсний хаан маш том байна. Тэнд дор хичнээн олон байгаа бол?
– Хэрэггүй. Үүнийг орхи. Би бодлоо өөрчиллөө. Үүнийг хэвээр нь орхи гэв.
Лиссандра ойлгосонгүй. Тэр цусанд будагдсан гараа сунгахад хар ногоон өнгийн үхжил суусан байлаа.
– Чиний бяцхан найз чинь миний бээлийг тас хазсан. Надад чиний байшин хамаагүй, Саймон. Дор байгаа юм үхэх ёстой.
Кресс түүний үгийг барагтай сонссонгүй. Түүний нүдэнд зоорины хаалганы цаана сүүдрийн хөдөлгөөн ажиглагдах шиг болоход Лиссандра руу дайрсан шиг том элсний хаадын цагаан арми дайрахыг төсөөлөв. Түүнчлэн өөрийгөө зуун бяцхан гар дээр өргүүлэн харанхуй руу моо шунахайран хүлээж буй газар луу зөөгдөхийг төсөөллөө. Тэр айжээ.
– Хэрэггүй гэсэн ч тэд түүнийг тоож сонссонгүй.
Кресс урагш ухасхийн гал шүршихэд бэлдэж байсан Лиссандрагийн хамтрагчийн нуруу лүү мөрөөрөө түлхэв. Тэр дуу алдан тэнцвэр алдаж харанхуй руу уналаа. Кресс түүний шатны уруу түчигнэн унахыг сонсов. Үүний дараа өөр олон чимээ гарч үймэлдэн гүйлдэх, тасхийх, зөөлөн юм нялцганах чимээ сонсогдов.
Кресс Лиссандрагийн царай руу эргэлээ. Түүний хамаг хүйтэн хөлс цувж бараг л сексийн гэмээр сэтгэл нь хүчтэй хөөрөн догдлов.
Лиссандрагийн тайван хүйтэн нүд түүнийг багны цаанаас өрөмдөн харав.
– Чи юу хийж байна? Саймон! гэж Кресс түүний унагасан лазер бууг авахад хэлэв.
– Энхийг байгуулж байна. Тэд бурхандаа муу юм хийхгүй. Бурхан сайн өгөөмөр байх тусам. Би хэрцгий байсан. Тэднийг өлсгөсөн. Би одооноос эхлэн үүнийгээ залруулах болно гээд тэр хөхрөв.
– Чи галзуу юм байна гэж Лиссандра хэллээ. Энэ түүний хэлсэн сүүлчийн үг болов. Кресс түүний цээж рүү буудахад нударгын чинээ нүх өм гарав. Тэр цогцсыг шалан дээгүүр чирэн зоорины шат руу өнхрүүлэн унагалаа. Чимээ улам чангарч тас няс хийх, урж тасдах чимээ гарав. Кресс хаалгыг урьдын адил бэхлэн хадав.
Ингээд түүнийг зугтахад айдас дунд нь өөрийн бус гэмээр сэтгэлийн гүнзгий баяр хөөр төрөв.

***

Кресс байшингаа орхин хот руу зугтаж шөнө хонох юм уу бараг жилийн хугацаанд байхаар төлөвлөсөн билээ. Гэвч оронд нь яагаад гэдгийг мэдэхгүй ууж эхлэв. Тэр хэдэн цагийн турш тасартлаа ууж зочны өрөөний хивсээр нэг бөөлжив. Хэсэг зуур дугхийгээд сэрэх үед нь байшин тас харанхуй байв.
Тэр буйдан дээрээ дагжлаа. Ямар нэг юмны чимээ сонсогдон ханан дотуур явж байв. Тэд түүний эргэн тойронд байна. Сонсгол нь ер бусын гэмээр соргог хурц болжээ. Элсний хааны хөлийн чимээний үл мэдэг чахралт бүрийг сонсож байв. Нүдээ аниад хөдлөвөл шүргэхээс айн тэдний аймшигтай хүрэлтийг хүлээлээ.
Кресс мэгшин уйллаа. Гэвч хэсэг хугацаа удсаны эцэст юу ч болсонгүй.
Нүдээ ахин нээгээд чичрэв. Удаанаар сүүдрүүд шингэн алга болов. Сарны гэрэл өндөр цонхоор тусна. Нүд нь харанхуйд дасчээ.
Зочны өрөө хоосон байв. Тэнд юу ч байсангүй. Зөвхөн түүний согтуу айдас байв.
Саймон Кресс босч гэрэл асаалаа.
Юу ч байсангүй. Өрөө нам гүм хоосон ажээ.
Түүнийг чимээ чагнахад өчүүхэн төдий ямар ч чимээ сонсогдсонгүй. Ханын дотор юм байхгүй байлаа. Энэ бүхэн зөвхөн түүний төсөөлөл айдас байж.
Лиссандра болон зооринд байгаа юмны тухай бодол гэнэтхэн орж ирэв. Ичгүүр, уур хилэн түүнийг хаман авлаа. Тэр яагаад үүнийг хийсэн хэрэг вэ? Кресс түүнд шатааж алахад нь туслах ёстой байсан юм. Яагаад?... Тэр гэнэтхэн учрыг мэдлээ. Моо түүнийг айдаст автуулан үүнийг хийлгэжээ. Воу жаахан байхдаа хүртэл сэтгэл зүйд нөлөөлөх чадвартай гэсэн. Харин одоо маш том болсон. Тэр Кат, Идигээр найрлаж харин одоо дор ахин хоёр цогцос байгаа. Моо улам том болж байна. Дээрээс нь тэр хүний махны амтанд дасаж байна.
Кресс салганатал чичирсэн ч биеэ барин зогсоолоо. Тэр түүнд гэм хийхгүй. Кресс бол бурхан. Цагаанууд үргэлж түүний хамгийн дуртай амьтан байсан.
Тэгтэл илдээр хэрхэн хатгаснаа саналаа. Энэ бол Кэтийг ирэхээс өмнө болсон явдал. Түүнийг хараал идээсэй.
Тэр энд үлдэж болохгүй. Моо ахин өлсгөлөн болно. Том болохоор тийм ч удахгүй. Улам их юм идэх дур хөдлөнө. Тэр үед яах вэ? Кресс дарсны зооринд хориотой байгаа дээр нь хот руу аюулгүй зугтсан нь дээр. Тэнд зөвхөн хуванцар болон хатуу газрын хөрс байгаа. Мобайлууд хонгил ухаж чадна. Харин эрх чөлөөтэй болохын цагт... Кресс энэ тухай бодохыг ч хүссэнгүй.
Тэр унтлагын өрөө лүүгээ яван юмаа баглав. Гурван том цүнх авлаа. Ердөө ганц удаагийн солих хувцас болон үлдсэн хэсгийг нь алдаж болохгүй үнэ цэнэтэй зүйлс болох эрдэнийн чулуу, урлагийн бүтээл тэргүүтэй бусад эд зүйлсээр дүүргэв. Кресс эргэж ирнэ гэж бодсонгүй.
Түүний шамблер араас нь шатны уруу даган уйтгартай нүдээр харна. Тэр турж эцжээ. Кресс түүнийг сүүлд хооллосноос хойш урт хугацаа өнгөрснийг санав. Ердийн үед өөртөө санаа тавьдаг авч сүүлийн үед идэх юм ховорджээ. Хөлийг нь тэврэхийг оролдох үед Крресс уцаарлан өшиглөсөнд гомдон сажлан одов.
Кресс гадагш гарч цүнхнүүдээ эв хавгүй үүрсээр хаалга хаалаа.
Агшин зуур хаалга налан зогсоход зүрх нь цээжинд хүчтэй булгилан цохилов. Ердөө хэдхэн метрийн зайд түүний хөлөг нь байв. Гэвч тэр энэ зайг гатлахаас айж байлаа. Сарны тунгалаг гэрэлд байшингийн урд талын талбай алан хядлагын талбар шиг харагдана. Лиссандрагийн хоёр гал шүршигчийн цогцос унасан газраа хэвтэж нэг нь атиралдан түлэгдэж, нөгөө нь үхсэн элсний хаадын дор булагджээ. Дээрээс нь хар улаан өнгийн мобайлууд түүний эргэн тойрон хэвтэнэ. Тэдний үхсэн гэдгийг санахад хугацаа шаардав. Энэ нь бараг л урьдынх шигээ түүнийг хүлээн зогсож буй мэт санагдана.
«Утгагүй юм» гэж Кресс өөртөө хэллээ. Ахиад л согтуу айдас. Тэр цайзыг хэдэн хэсэг болон дэлбэрэхийг харсан. Тэд үхсэний зэрэгцээ цагаан моо зооринд хориостой байгаа. Тэр хэдэн алхам хийгээд гүнзгий амьсгал авч элсний хаад руу алхлаа. Няцрах чимээ сонсогдов. Элсний хаадыг няц гишгэлэн явахад хөдөлсөнгүй.
Кресс инээмсэглэн байлдааны талбар дундуур аюулгүй байдлын чимээг сонсон удаанаар алхлаа.
Харжигнах. Таржигнах.
Тэр цүнхээ газар тавин хөлгийнхөө хаалгыг нээв.
Ямар нэг юм сүүдрээс гэрэлд хөдлөхөд хөлгийнх нь урд талын суудал дээр цагаан дүрс байлаа. Энэ нь хүний бугуйн чинээ урт агаад хазуураа зөөлөн хавшиж, зургаан бяцхан нүдээрээ харж байв.
Кресс өмдөө норгон удаанаар ухарлаа.
Хөлгийн дотор улам олон хөдөлгөөн гарав. Түүний онгорхой орхисон хаалгаар элсний хаан урдаас нь болгоомжтой гарч ирэхэд бусад нь араас дагалдав. Тэд суудлын дор болон бүрээсэнд нуугдаж байснаа одоо гарч иржээ. Амьтад хөлгийг тойрон цагариг хэлбэртэй зогсов.
Кресс уруулаа долоон Лиссандрагийн хөлөг рүү бушуухан шиг эргэлээ.
Гэвч замынхаа тал дунд зогсов. Тэнд бас хөдөлгөөн ажиглагдав. Том цагаан өт шиг зүйл сарны гэрэлд зурвас үзэгдэнэ.
Кресс гоншигнон дуу алдаж байшингийнхаа зүг буцаж гүйв. Хаалганы ойролцоо хүрээд дээшээ харлаа.
Ойролцоогоор арваад тооны урт цагаан дүрс байшингийн урд талын ханан дээр мөлхөж байв. Дөрөв нь урьд нь харцаганы үүр байсан ашигладаггүй гохны ойролцоо цуглав. Тэд ямар нэг юм сийлж байв. Нүүр. Маш танил царай.
Саймон Кресс хашгиран дотор гүйж орлоо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 5:31 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.26.10 4:59 pm
Posts: 484
Location: Дурлалаар би шатахгүй Дурсамжаар би гуниглахгүй Уураар би дүрэлзэхгүй Уйтгараар би дүнсийхгүй ...
Яаа эвгүй үргэлжилдэг юм бэ энэ...

_________________
Үг бүхэн зүрхэнд...


Top
   
PostPosted: Mar.12.16 8:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6380
Хүмүүсийн сэтгэгдэл миний орчуулгын хурдыг гүйцэхгүй байх шиг байна. Хэд хоног завсарлахаас даа.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Mar.12.16 9:23 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Uu zavsarla zavsarla.... yoooo orchuulga chini buuuuur laitai boljeee. Bi buuur dotor nyaltsaigaad unshihgui baiya gej chaddaggui. Ter muu tsagaan utnuud sarnii gereld zurvas haragdaj bga ni nudend haragdchlaaa

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Mar.12.16 9:24 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4709
Unshij duusgamaar bgaaa ch buuuuur shijig goojchloo...

_________________
u r ma hero


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 84 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited