#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 10:30 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.15.16 2:35 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 25.

Тэрээр догшин шуурган дунд яваа мэт санагдана.
Ширээн дээр нь концернын хэдэн зуун салбар төв байр, Заирын үйлдвэр, Гренландийн лаборатори, Австри, Тойландын офиссоос шинэ төрлийн бүтээгдэхүүний, санхүүгийн тайлан, статистикийн мэдээ, зар сурталчилгааны төсөл, туршилтын программ гээд ертөнцийн зүг бүрээс ирсэн мэдээ овоорчээ.
Шинэ заводын барилга барих, хуучирсан тоног төхөөрөмж зарах, фирмийн худалдааны тухай, үүрэгт ажилд томилох, салбарын удирдагчдыг халж солих гэх зэргээр шийдвэрлэх ажил чамгүй их. Бизнесийн бүх л салбарт өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд туслах авч эцсийн шийдийг Элизабет гаргана. Яг л бүх юм Сэмээс хамаарч байсантай адил. Бүсгүй эцгийнхээ дэргэд ажилласан гурван жилийг бахархан эргэн саналаа. Тэрээр концерны тухай хавьгүй ихийг, хавьгүй бага хугацаанд мэдэж авчээ. Элизабет концерноо хаанаар удирдуулсан бүхэл бүтэн хаант улс болгон төсөөлж, ерөнхийлөгчийнхөө өрөөг хааны өргөөтэй зүйрлэнэ. Тэдний төрөл төрөгсөд нь өөр өөрийн эзэнт улсаа удирдахаас гадна хяналтан дор хилийн чанад дахь нутаг дэвсгэр хамрагдаж, тэд ихээхэн цагийг үргэлжид хэсэж явсаар өнгөрөөх ажээ.
Элизабет огтын санаандгүй байж байгаад зүсэн бүрийн асуудалтай тулгарсаар байлаа. Тэрээр эрчүүдийн ертөнцөд хөл тавин орсон эмэгтэй агаад байдал түүний санаснаас илүү нууцлаг болохыг мэдэн ихэд гайхжээ. Эрчүүдэд бүсгүй хүнд захирагдах нь таалагддаггүй ажээ. Эмэгтэйчүүд тэдний санаа оноог нь хянан боловсруулж, үнэлэн цэгнэнэ гэдэгт дургүй нь хүрэн эргэлзэнэ. Тэр тусмаа залуу сайхан Элизабет байдлыг улам хүндрүүлнэ. Тэд бүсгүйг орондоо эсвэл гал тогооны өрөө түүний байх ёстой газар нь гэдгийг ойлгуулахыг хичээн, түүнийг эрчүүдийн ажил хэргээрээ хөөцөлдөхөд нь хөлд нь орооцолдож саад болохгүй байсан нь дээр гэдгийг ойлгуулахыг оролдоно.
Элизабет долоо хоногийн тогтсон өдрүүдэд салбарын эрхлэгчдийг хүлээн авч уулздаг бөгөөд зарим нэг нь түүнтэй тоомжиргүй хандан, зарим нэг нь бүр даажигнан тоглоом тохуу хийнэ. Ерөнхийлөгчийн суудалд суух залуу, сайхан бүсгүйг хараад тэдний “Хэрэв түүнтэй унтаж чадвал, тэр хүссэн бүхнийг минь хийх болно!” хэмээн бодож буйг нь ойлгоход тийм ч хэцүү биш байлаа.
Сардинид байсан Шальдар харчуулын л адил. Гэтэл одоо нас бие гүйцсэн төлөв төвшин эрчүүл өгөөш хаяж байх шив.
Эрчүүд бүгд нэг л янзын алдаа хийх юм. Элизабетын гоолиг биеийг шунан ширтэхийн хамт түүний ачаар бүсгүй тэдний тэргүүн дээр заларч байгаа хэмээн сайрхан бүсгүйн сэтгэл санааг эзэмдэхээр тэмүүлцгээн уучилшгүй алдаа хийж буйгаа мэддэггүй.
Тэдний бас нэгэн алдаа нь бүсгүйн удирдах билгийг нь дутуу үнэлжээ. Бүсгүй хуланц эцэг Сэмюэль, эцэг Сэмийнхээ тэсвэр хатуужилтай шаргуу занг нь үе залгамжлан өвлөжээ.
Элизабетыг тойрон хүрээлэх эрчүүд өөрийн зорилгодоо түүнийг ашиглана хэмээн их санаж байтал харин ч өөрсдөө ашиглагдагчийн дүрд тоглоцгооно. Бүсгүй тэдний мэдлэг туршлага, шинэ санааг нь чадварлагаар ашиглаж, энэ бүхнийг өөрийн оюуны өмчөө болгож байлаа. Тэрээр эрчүүдийн горьдлого төртөл анхаарлыг нь татдаг гайхалтай сонсогч. Бүсгүй тэдэнд учиргүй их асуулт тавиад хариултыг нь чих тавин анхааралтай сонсоно. Тэднээс суралцана.
Шөнө орой гэртээ харихаар явахдаа тайлан тооцоогоор дүүргэсэн хоёр хүнд хавтас сугавчлан явж, шөнөдөө уншиж танилцана. Заримдаа ажилдаа улайран дөрвөн цаг хүртэл суучихдаг байв. Нэгэн сонины гэрэл зурагчин удирдах газраас гарч яваа Элизабет, араас нь нарийн бичгийн дарга нь хоёр хавтас барин яваа зургийг нь дарсан байжээ. Маргааш өдөр нь “Хөдөлмөрч өв залгамжлагч” гэсэн тайлбартайгаар энэ зургийг нь сониндоо тавьсан байлаа.
Элизабетыг асар бага хугацаанд олон улсын хэмжээнд нэр алдраа дуурсгасан гэж хэлж болно. Залуу сайхан бүсгүй олон саяын концерныг өвлөн авч, ерөнхийлөгч болсон нь хэвлэлийнхний хувьд арааны шүлс асгарам түүх байлаа. Хэвлэлийнхэн ч энэ завшааныг ашиглахаа умартсангүй. Элизабет үзэсгэлэнтэй сайхан, ухаалаг төрснөөс гадна алдар цуутнуудын эрхэм сайн, маш ховор чанарыг эзэмдэн төржээ. Тэрээр хэвлэлийнхнээс цэрвэн зугтдаггүй, харин ч бүр эсрэгээр сүүлийн үед гундан буй фирмийнхээ нүүр царайг шинэчлэн таниулахыг оролдон бүхий л талаар хамтарч ажилладаг ажээ. Хэвлэлийнхэн ч бүсгүйд өртэй үлдсэнгүй. Бүсгүй сурвалжлагчийн асуултанд хариулж чадахгүй бол ичиж зоволгүйгээр харилцуураа аван, мэддэг хүмүүсээс нь асуугаад өгдөг байв. Долоо хоногтоо нэг удаа төрөл төрөгсөд нь Цюрихт ирж, Элизабет тэдэнтэй бүгдтэй нь уулзан ихэнх цагаа бүгдтэй хамт эсвэл өнгөрөөнө. Бүсгүй тэдэнтэй дэлбэрэлт болон олон хүн үхсэний буруутан хэн байсныг, хэн фирмийн өрсөлдөгчдөд нууцыг худалдаж, хэн “Рофф ба хөвгүүд”-ийг устгахыг чармайж байна гэдгийг олоход туслах ямар нэг сэжүүр хайн тэдэнтэй ярилцан анхааралтай сонсоно.
Тэдний гэр бүлийнхэний хэн нэг нь дээ.
Иво Палацци - энэ зүйрлэшгүй дур булаам эр үү?
Алек Николз - энэ жинхэнэ жентельмен эр, үргэлж Элизабетад туслахаар гүйж явдаг, хонгор сайхан сэтгэлтэн үү?
Шарль Мартель, золгүй, аймхай хүн үү? Гэхдээ аймхай хулчгар амьтдыг бүлтэлзтэл нь тулган асуувал тун аюултай.
Вальтер Гасснер - энэ герман эр, гаднаа гоо үзэсгэлэнтэй, ил цагаан байдаг эр үү? Харин дотор руу өнгийвөл юу харагдах бол? Тэрээр өөрөөсөө үе мултарсан эгч баян өв залгамжлагч Аннатай суусан. Хайртай болоод суучхав уу, эсвэл мөнгөний төлөө юу?
Тэдэнтэй ярилцахдаа тэдний царайг хэрхэн хувирахыг сайтар ажиглан хариултыг сонсон, заримдаа тэдний үнэнийг хэлүүлэхээр өдөж үзнэ. Чилид болсон дэлбэрэлтийн тухай эргэн дурсаж, энэ тухай ярихыг нь ажиглаад, “Рофф ба хөвгүүд”-ийн амссан гарз хохирлын тухай ч ярихгүй өнгөрсөнгүй.
Ингээд юу ч олж долоосонгүй. Хэн нь ч байсан гэсэн гэмт хэрэгтэн өөрийгөө илчлэхээргүй дэндүү ухаалаг аж. Элизабет тайлангийн өнцөгт “Адгийн шаарыг олохсон” гэж аавынх нь бичсэн байсныг эргэн саналаа. Үүнийг олох арга хайх хэрэгтэй.
Муу мэдээ тэр даруй олонд тарах нь тун амархан ажээ. Өрсөлдөгч фирмийн эмээс болоод өвчтөн таалал төгсвөл тэр даруй дэлхий дахинаа утасны хонх тачигнан дуугарч,
- Ингэхэд, та сонсов уу... хэмээн дэлхийн бөмбөрцгийн дөрвөн зүгт түгэн тарна.
Фирмүүд гаднаа тун ч эвтэй мэт байна. Том том фирм компанийн толгойлогчид үе үе уулзацгаадаг байлаа. Ийм нэгэн албан уулзалтанд Элизабетыг урьжээ. Бүсгүй тэнд очсон цорын ганц эмэгтэй байв. Зовлон жаргалаа хуваалцан тэдний ярилцахад угтаа тэдэнд нэгэн хэвийн асуудал тулгардаг бололтой.
Нэгэн томоохон компанийн ерөнхийлөгч халзан, полдгор сээтгэнүүр эр бүхэл оройн турш Элизабетаас алхам ч холдохгүй дагаж,
- Засгийн газраас явуулж буй хязгаарлалт өдөр ирэх тусам улам хатуу чанга болж байна. Хэн нэгэн ухаантан, маргааш аспирин бүтээвэл, засгийн газар хэзээ ч түүнийг үйлдвэрлэх хөрөнгө өгөхгүй дээ гээд тэрээр ихэрхүү янзаар инээгээд, - Харин хонгор бүсгүй минь, бид хичнээн жил аспирин хэрэглэж байгааг та мэдэх үү? гэлээ.
“Хонгор бүсгүй” халзан эрийн улаан голд нь тустал,
- Гиппократ уд модны холтосноос салицин олж авсан МЭӨ 400 жилийн тэртээгээс хэмээн хариулав.
Сээтгэнүүр эрийн нүүрэнд инээмсэглэл царцан,
- Нээрээ л тийм дээ гэлээ.
Хачиг шиг наалдаад байсан халзан эр үүнээс хойш бүсгүйн дэргэд үзэгдсэнгүй.
Фирмийн удирдагчид томьёо хулгайлан эм үйлдвэрлэчихээд нэр, шошгыг нь солин зах зээлд гаргаж буй “бибас-фирм” гэх эгдүүцэм нэр цол зүүсэн ор төдий фирмүүд байгааг батлан хэлэлцэхээр цугларчээ. Буурь суурьтай, олонд хүндтэй фирмүүд эдгээр луйварчдаас болж жилдээ хэдэн зуун сая доллараар хэмжигдэх үлэмж их алдагдалд ордог ажээ.
Харин Италид хулгай хийхийн ч хэрэггүй.
- Итали бол шинэ эмийн эрхийн бичиг ч өгдөггүй улс гэж нэгэн томоохон фирмийн ерөнхийлөгч Элизабетад хэлээд,
- Дурын хүн хэдхэн сая лирээр хахуульдан томьёог худалдан авч, нэр усыг өөрчлөн үйлдвэрлээд санаанд нь орсон газар бүртээ тараачихдаг. Гэтэл бид судалгаанд сая сая доллар зарцуулж байхад, тэд өрөм цөцгийг нь цөлмөн авч үйлдвэрлэж байна гэжээ.
- Ганцхан Италид уу? гэж Элизабет асуувал,
- Итали, Испани хоёр тэргүүлэн, Франц, Баруун Герман сүүл мушгиж явна. Харин Англи, Нэгдсэн Улсад ийм явдлыг хэн ч зөвшөөрдөггүй юм гэжээ.
Элизабетын уур омог нь буцлах эрхмүүдийг нэгэнтээ ширтээд “Эдний хэн нь “Рофф ба хөвгүүд”-ийн патентын хулгайчтай хошуу, толгой холбоотой нь сонин байна?” хэмээн бодов.
Элизабет заримдаа ихэнх цагаа онгоцоор явж өнгөрүүлэх шиг санагдах болжээ. Тэрээр паспортоо үргэлж ширээнийхээ хамгийн дээд талын шургуулгад хийнэ. Үгүй ядаж долоо хоногтоо Каир, Гватемал, эсвэл Токиогоос зогсоо зайгүй утасдаж, Элизабет тэр даруй хэдхэн цагийн дараа байдлыг зохицуулан, газар дээр нь арга хэмжээ авахаар хамтрагчаа дагуулан нисэх нь олонтаа.
Элизабет Энэтхэгийн томоохон хот Бомбей, алс холын Пуэрто-Валларта зэрэг газрууд дахь үйлдвэрийн эзэдтэй уулзан, тэдний гэр бүлтэй танилцана.
Ийнхүү явах зуураа Элизабет шиг эмийн туршилт хийж буй Эмиль Жиплийн Ауссерзил дахь жижигхэн байр руу байнга утасдан холбоо барьж явав.
Тэрээр утсаар ярихдаа ихэд болгоомжилно.
- Ажил ямар байна?
- Рофф авхай, хүссэнээр тийм ч хурдан биш байна?
- Тусламж хэрэгтэй юу?
- Үгүй. Бага зэрэг хугацаа хэрэгтэй байна. Надад бэрхшээл учраад. Гэвч одоо зүгээр ээ.
- Сайн байна. Ямар нэг юм хэрэгтэй болбол даруй утастаарай.
- Заавал ч үгүй хэлнэ. Баярлалаа, Рофф авхай.
Элизабет харилцуураа тавив. Яая даа, банктай хүчээр шахуу тохирсон хугацаа нь өдөр хоногоор өнгөрөх тусам бүсгүй түүнийг шавдуулахыг ихэд хүснэ. Эмиль Жиплийн хийж буй ажил Элизабетын хорхойг хөдөлгөн ихээхэн найдвар төрүүлэвч, яаравчлуулаад нэмэр ч үгүйг ойлгох тэрээр түүнийг шамдуулж зүрхэлсэнгүй. Туршилт хараахан дуусахгүй тул банкны өрийг векселиэр төлнө хэмээн төлөвлөж байв. Гэнэт түүнд Юлиус Бадраттыг лабораторид авчран юу хийж байгаагаа өөрийнх нь нүдээр үзүүлэн нууцаа дэлгэе гэсэн нэгэн мэргэн санаа төрлөө. Тэгвэл банкнууд хугацаагаар шахан ёсорхоод байхгүй биз.
Элизабет Рис Уильямзтай өдөр болгон шахуу уулзаж, заримдаа шөнө дөл хүртэл сууцгаан ажиллана. Тэд голдуу хоёулаа үлдэн, захиргаан дахь түүний хувийн гуанзанд эсвэл бүсгүйн Цюрихбергэд байрлах ба Цюрих нуур руу харсан цонхтой, аятайхан тохижуулсан гэрт нь хооллоно. Элизабет дур булаам Рисийн сэтгэл татах чадварт улам бүр автана чинээ хэзээ ч бодож байсангүй, гэвч мань эр түүнийг бүсгүй хүний нь хувьд анзаарч байгаа эсэх нь Элизабетад таавар хэвээр байх ажээ. Рис түүнтэй яг л хуучин дотнын анд шиг эелдэг, хүндэтгэлтэй, сайн сайхан харьцах авч, яагаад ч юм бэ энэ зүйрлэл нь бүсгүйд үл таалагдана. Элизабет түүний өмөг түшигт найдан нууцаа дэлгэн яримаар санагдсан ч, тэрээр болгоомжтой байх ёстой гэдгээ сайн мэдэж байлаа. Бүсгүй нэг бус удаа Рист концерныг хааж боох гэсэн хорон санаатай үйлдлийн тухай хэлэхийг завдсан боловч тэр бүрийд ямар нэг хүч түүнийг тогтоон барина. Тэгэхлээр, энэ тухай хэн нэгэнтэй хэлэлцэх арай л эрт байна даа! Бүх юм хараахан тодорхой болоогүй байна санж.
Сүүлийн үед Элизабет өөрийн хүчиндээ илүү итгэлтэй байх болжээ. Нэгэн зөвлөгөөн дээр зах зээлд муу гүйж буй үс хатаах сэнсний тухай хэлэлцжээ. Элизабет түүнийг өөр дээрээ туршин үзвэл яс чанараараа худалдагдаж буй сэнснээс олон хувь илүү болохыг нь баталжээ.
- Бид аптекуудаас бөөн бөөнөөр нь буцаан татаж байна гэж худалдааны захирлуудын нэг гомдоллоод, - Яаж ч өлгөж дэлгээд нэмэр алга. Зар сурталчилгаа ахиухан явуулах хэрэгтэй байна гэв.
- Гэтэл бид зар сурталчилгааны зардлаа хэтрүүлчхээд байгаа шүү дээ гэж Рис татгалзаад,
- Өөр л арга бодох хэрэгтэй байна гэв.
- Аптекуудаас буцааж татах хэрэгтэй гэж Элизабет гэнэт хэллээ.
Бүгд түүнийг асуунгуй ширтэж,
- Юу- у? хэмээн нэг зэрэг шахам дуу алдацгаалаа.
- Үс хатаагч эмийн санд ямар ч үнэ цэнэгүй байна гээд Элизабет Рисэд, - Зар сурталчилгаагаа үргэлжлүүл, гэхдээ гоо сайхны салонуудаар худалдана. Олдохгүй болтлоо ховордог. Тэгвэл шал өөрөөр хандах болно хэмээв.
Рис хэсэг бодолхийлснээ эцэст нь зөвшөөрөн толгой дохиод,
- Муугүй шүү. Үзээд алдъя гэлээ.
Үс хатаагчийн эрэлт хэрэгцээ агшин зуур өсөх нь тэр.
Хэсэг хугацааны дараа Рис бүсгүйн амжилтанд баяр хүргээд,
- Авхай та ч, сайхан төрснөөс гадна... гэж инээмсэглэн өгүүлэв.
Тэгэхээр мань эр ямар ч байсан түүнийг анзаарав бололтой дог оо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.15.16 2:36 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 26.

Лондон хот.
Баасан гариг. 11 сарын 2. 17.00 цаг.

Алек Николз Клубийн саунд тухлан сууж байтал гэнэт үүд нээгдэн уураар дүүрсэн өрөөнд бүсэлхийгээрээ алчуур ороосон нэгэн эр орж ирлээ. Тэрээр Алектай зэрэгцэн модон сандал дээр суугаад,
- Хайруулын тавган дээр сууж байгаа юм шиг халуун байх шив, ноён Алек аа? гэлээ.
Алек түүн тийш харвал Суинтон гэгээн дүрээрээ заларч ирсэн байлаа.
- Та яаж наашаа орж ирэв ээ?
Суинтон нүд ирмээд,
- Тэдэнд тантай энд уулзах ёстой гээд хэлчихсэн юм гэснээ Алекийн нүдийг эгцлэн ширтээд, - Тийм биш гэж үү, ноён Алек аа? Намайг удахгүй ирнэ гэдгийг та мэдэж байсан биш үү? гэлээ.
- Үгүй. Надад хугацаа хэрэгтэй гэж би тодорхой хэлээ биз дээ хэмээн Алек хариулав.
- Таны бяцхан үеэл дүү охин чинь акцыг чөлөөтэй худалдахыг татгалзахгүй хэмээн та хэлсэн байх аа, тэгвэл өрөө өгөөдөх.
- Тэр... тэрээр шийдвэрээ өөрчилсөн.
- Тэгвэл бүсгүйн бодлыг дахиад өөрчлөхийг ятга.
- Би ч оролдож л байна л даа. Асуудал ... саатаад.
- Асуудал саатах зуур өл залгах төдий өгөх амин зуулгыг чинь гөлийтөл хүлээж залхлаа гээд Жон Суинтон Алект бүр ойртож шахан суухад тэр үл ялиг зайлав. - Бид хүч хэрэглэхийг хүсэхгүй байна л даа. Гэвч юманд хязгаар гэж байдаг юм шүү гээд тэрээр хамаг биеэрээ Алек тийш түрэн шахсанд нөгөөх нь мөн л холдон суухад, - Бид таныг ихээхэн харж үзсэнсэн. Одоо таны ээлж болжээ. Бидэнд наркотик хэрэгтэй байна гэлээ.
- Энэ боломжгүй хэрэг. Чадахгүй... ямар ч...
Алек ар зоогоороо халуун чулуу дүүртэл овоолсон төмөр хайрцагт бараг наалдах шахсанаа гэнэт мэдэрч,
. - Болгоомжтой. Би ... гэж Алек бувтнав.
Суинтон Алекийн гараас шүүрч аваад, овоолготой улайссан чулуунд ойртуулахад тэр даруй халуу шатам төөнөлөө.
- Үгүй ээ!
Дараагийн агшинд гарыг нь халуун чулуунд нь хайруулан наахад Алек өвдсөндөө дуу алдан орилж, шалан дээр атиралдан ойчиход Жон Суинтон дээрээс нь бөхийн,
- Боломж олохыг хичээ. Хоёул удахгүй уулзамз хэмээн заналхийлэн, шүднийхээ завсраар исгэчүүлэн байж хэлжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.15.16 3:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
хэдэн бүлэг уншчихав аа, мөн ч шуурхай явж байна даа, нээрээ тэр порногийн үзэгч гаж донтон хэн юм болоо, аягүй бол эднүүсийн нэг байх даа, сонин сонин юм ч их болох дог оо, баярлалаа


Top
   
PostPosted: Feb.15.16 8:03 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Тэр гаж донтон Эленагийн нөхөр Шарль Мартель бхаа. Цаадах чинь эхнэртээ хүчиндүүлээд үзэн ядаад бдаг биз дээ. Эхнэрийгээ яг тэр үед нь алахыг хүсдэг биз ккк. Гэхдээ гол буруутан нь хэн бол оо? Рис л нэг гэмгүй харагдаад бгаам даа уул нь хамгийн их эрх мэдэлтэй, зөвлөлд орохыг хамгийн их хүсч бгаа хүн шүү дээ. Бас акцийг чөлөөтэй худалдвал ерөнхийлөгчийн суудалд хамгийн түрүүнд суух магадлалтай хүн. Гэтэл Элизабет дурлаад бдаг

Баярлалаа :wd: :wd: гоё бнаа их ихээр нь уншаал тэхдээ л шуналтаал ккк

_________________
:wink:


Last edited by mmiracle on Feb.16.16 5:17 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.16.16 10:11 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 27.

Берлин хот. Бямба гариг. 11 сарын 3. 18.00 цаг.
Анна Рофф энэ бүхнийг хэр удаан тэсэж чадахаа мэдэхгүй байлаа.
Тэр өөрийн гэртээ олзлогдсон хүн болчих нь тэр. Вальтерийг байхад долоо хоногтоо ганц ирдэг үйлчлэгчийг эс тооцвол бүсгүй хүүхдүүдийнхээ хамт гэртээ хоригдоно. Вальтер үр хүүхдээ үзэн яддагаа аль хэдийнээс нуухаа нэгэнт больжээ. Нэг удаа Анна хүүхдүүдтэйгээ өрөөнд нь, тэдний сонсох дуртай пянзыг тавиад сууж байтал газрын гаваас гараад ирэв үү гэлтэй гэнэт Вальтер өрөөнд орж ирээд,
- Наад чалчаа яриагаа сонсохоо боль гэж хашгираад пянзыг нь шүүрч аваад хэмх цохин хугачиж хаяжээ.
Айсан хүүхдүүд нүдээ бүлтэлзүүлэн эхдээ наалдав.
- Намайг уучлаарай, Вальтер аа. Чамайг гэртээ ирснийг мэдсэнгүй. Чамд ямар нэг юм хэрэгтэй байна уу? гэлээ.
Вальтер түүнд дөхөж, нүдээ ууртайгаар гялалзуулан,
- Анна бид, хүүхдүүдээс ангижрах хэрэгтэй гэлээ.
Тэднийг бүү гадуурх.
Тэрээр бүсгүйн мөрөн дээр гараа тавин,
- Энэ гэрт болж байгаа юм бүхэн бидний дунд үлдэх ёстой гэлээ.
Бидний дунд. Бидний дунд. Бидний дунд.
Эл үгс чихэнд нь тасралтгүй хангинан түүний толгой эргэхэд Вальтерийн гар мөрийг нь бүр ч хүчтэй базан, бүсгүйн амьсгаа нь давчдан байснаа ухаан алдан хөсөр уналаа.
Анна орондоо сэрвэл цонхны самбар хаалттай байв. Тэрээр цаг руу харвал зургаа болчихсон, гэрт эл хуль, дэндүү чимээ аниргүй байх ажээ. Юун түрүүнд хүүхдүүд гэсэн бодол зурсхийж түүнийг айдас нөмрөн авлаа. Сульдсан бүсгүй орноосоо арай ядан босч, хөл дээрээ тогтож ядан алхалсаар үүд рүү хүрч очвол, хаалга түгжээтэй байв. Тэрээр цоожны нүхэнд чихээ наан чагнав. Ямар нэг дуу чимээ сонсогдох л ёстой доо. Хүүхдүүд нь түүнийг яаж байгааг мэдэхээр одоохон гүйгээд ирцгээнэ дээ.
Хэрэв чаддаг л юм бол шүү. Хэрэв амьд мэнд байвал.
Бүсгүйн хөл нь улам салгалан чичирсээр арай ядан утас руу явж очив. “Бурхан минь, ажиллаж л байгаасай" хэмээн залбирсаар харилцуур авлаа. Бодлынх нь хариуд ердийн, нэгэн хэвийн жингэнэн дохио дуугарах сонсогдов. Вальтер түүнийг дахин харилцуур шүүрэн авч байгааг нь мэдвэл яах бол гэсэн бодлоосоо түрхэн зуур ангижраад, яаравчлан 110 дугаарт залгалаа. Гар нь дагжтал чичирсэндээ буруу дугаарт залгаж орхив, дараа нь бас дахин буруу залгасандаа бачууран, хар аяндаа уйлчихлаа. Өчүүхэн боломжийг ингэж алдах гэж дээ! Бачууран хийрхэхээ даран дахин нэг залгалаа. Жингэнэн дуугарах дохионы араас ид шид үү гэлтэй эр хүний дуу чихэнд нь сонсогдов.
- Hier ist der Notruf der Polizei.
Сэтгэл нь догдолсон Аннагийн дуу нь гарахаа больчихжээ.
- Hier ist der Notruf der Polizei. Kann icn ihnem helfen?
- Ja, bitte! Гээд эгшин уйлчих шахан, - Ich bin in grosser Gefahr. Bitte, schicken sie jemende ...
Хаанаас гарч ирснийг бүү мэд, гэнэт Вальтер гараас нь харилцуурыг шүүрэн авч Аннаг ор руу хамаг хүчээрээ түлхчхээд, телефон утасны үзүүрийг угз татан таслаад, багтарч үхтлээ уурссандаа уухилан амьсгаадсаар Анна руу эргэн харав.
- Хүүхдүүд. Чи хүүхдүүдийг минь яачхав? хэмээн бүсгүй шивнэв.
Вальтер юу ч хариулсангүй.
* * *

Берлиний Цагдаагийн Эрүүгийн хэргийг Удирдах газар эргэн тойрон орон сууц, албан газраар хүрээлэгдсэн Кейштрассийн 2832-т байрлана. Утасны дуудлага шалгах “Deltk aus Mensch” хэлтсийн хариу өгөхөөс өмнө тасарсан дуудлага тэмдэглэгдэн үлддэг учраас утасны ярианы их багаас үл хамааран дуудлага өгсөн дугаарыг төвөггүй тодруулдаг юмсанжээ.
Анна Гасснерийг ярьснаас хойш таван минутын дараа байцаагч Пауль Ланге дуу хураагч барьсаар хэлтсийн дарга хошууч Вагеманы өрөөнд орлоо.
- Энэ бичлэгийг .танд сонсгох гэсэн юм гээд байцаагч товчлуур дарлаа. Эр хүний хахир хоолойгоор,
- Hier ist der Notruf der Polizei.
- Hier ist der Notruf der Polizei. Karin icn Ihnem helfen?
Эмэгтэй хүний айсан дуугаар,
- Ja, bitte! ch bin in grosser Gefahr. Bitte, schicken sie jemenden...
гээд бүсгүйн дуу сулран, торхийх чимээ гараад, шугам тасарлаа.
Вагемон байцаагчийг харан,
- Хэн утастсаныг нь тогтоов уу? гэлээ.
- Бид дуудлага ирсэн байрыг мэднэ хэмээн байцаагч болгоомжтой хариулав.
- Тэгээд юу болоов? гэж хошууч Вагеман цухалдан асуугаад, - Удирдах газраас тийш нь эргүүлийн машин явуул гэв.
- Чухамдаа би танаас үүнд захирамж авахаар ирсэн юм.
Байцаагч Ланг үг дуугаралгүй, хошуучийн өмнө хэдхэн мөртэй зурвас тавилаа.
- Чөтгөр ав гэж! хэмээн бувтнаад тэрээр байцаагчийг ширтэн,
- Та итгэлтэй байна уу? гэлээ.
- Тийм ээ, ноён хошууч аа.
Хошууч Вагеман зурвас тийшээ дахин нэг харлаа. Германы томоохон, аварга үйлдвэрийн нэг “Рофф ба хөвгүүд3-ийн немцийн салбарын захирагч Вальтер Гасснерийн утасны дугаар байх аж. Ганц буруу алхам хийвэл мань хоёр агшин зуурын төдийд ханиндаа гудамжинд гарч ажил хайх хэрэг гарна. Хошууч Вагеман хэсэг бодолхийлснээ,
- За яахав. Ямартаа ч гэсэн шалгах хэрэгтэй. Байцаагч та өөрийн биеэр тийшээ оч. Бүгдийг дээд зэргээр гүйцэтгээрэй. Ойлгов уу?
Гасснерийн байр Берлиний хотын баруун өмнө зах дахь дээдсийн хүрээнийхний амьдардаг Ванзеед байдаг ажээ. Байцаагч Ланг хурдны замыг бодвол арай сийргийг бодолцон Гогенцоллерндаммын тойруу замаар давхин Клаялыг өнгөрөн, хашааг нь нэлэнхийд нь өргөст тороор хүрээлсэн ХМТ-ны Германы хамгийн урт зам хэмээгддэг Нэг дүгээр замаар давхисаар битүү ойн төгөл дунд орших Ванзее руу салан орлоо.
Сүрлэг, тансаг байшингуудын цуглуулга мэт эндхийн барилгууд зүйрлэхийн эцэсгүй сайхан. Байцаагч Ланг заримдаа амралтын өдрөөр эхнэрээ дагуулан энэ сайхан байшингууд, тэдний эргэн тойрны цэцэрлэгт хүрээлэнг үзүүлэхээр наашаа ирдэг байжээ. Байцаагч хаягийг даруй олон, Гасснерийн эзэмшил тийш хөтлөх гудамж руу эргэв. Тэдний эзэмшил газар эзэн хүнийхээ бэл бэнчингээс хавьгүй илүүтэйгээр: Тэдний Эрх мэдлийг илтгэх аж! Роффын агуу хүчирхэг эзэнт гүрний өмнө засгийн газар ч айн сүрдмээр харагдахад, хошууч Вагеманы хянамгай байхыг зөвлөсөн нь зөв байлаа.
Байцаагч Ланг гурван давхар харшийн гол хаалганд хүрч очин малгайгаа аван, хонхны товчийг дараад үүд нээгдэхийг хүлээзнэв. Байшин амьд хүн суудаггүй мэт нам гүм оргино. Ийм байх ёсгүй дээ. Тэр дахин хонхдвол бие арзасхийм, үхээрийн нам гүмээс өчүүхэн ч чимээ гарсангүй. Байцаагч арын хаалга руу очихоор шийдсэнээ хэсэг түдгэлзэн зогсвол хаалга гэнэт онгойн босгон дээр дунд эргэм насны, царай муутай, үрчийж үнгэгдсэн унтлагын хувцастай эмэгтэй зогсож үзэгдэв.
Түүнийг үйлчлэгч хэмээн андуурсан байцаагч Ланг,
- Би Вальтер Гасснерийн эхнэртэй уулзах гэсэн юм гэв.
- Би Гасснерийн эхнэр байна гэж эмэгтэй хариулав.
Байцаагч Ланг гайхсанаа арай ядан нуув. Эл эмэгтэй түүний төсөөлж байсан энэ харшийн эзэгтэйн дүрээс тэс ондоо харагджээ.
- Би... хэн нэгэн хүн эндээс манай цагдаагийн газар руу бидэнтэй ярьсан юм хэмээн итгэлгүйхэн эхэллээ.
Эмэгтэйн сүүмгэр харц, түүний царайнаас юу ч олж долоохооргүй нууцлаг харагдана. Байцаагч Ланг хэрхэхээ эс мэдэн будлиж гүйцсэн хэдий ч, энд нэг л биш байгааг зөнгөөрөө мэдэрч, ямар нэг чухал юм алдчих гэж буй мэт санагдаад,
- Гасснер хатагтай та манайх руу ярьсан уу? гэж тэрээр эцэст нь асуулаа.
- Тийм ээ. Андуурчхаж хэмээн хатагтай хариулав.
Эмэгтэйн хайхрамжгүй, нэгэн хэмийн үхээнц дуугаар ярих нь түүнийг сэрэмжлүүлэв. Хагас цагийн өмнө сонссон хийрхэн, мэгшин уйлан ярьж байсан дуу түүний чихэнд хангинана.
- Би даргынхаа өмнө тайлагнахын тулд чухам яагаад андуурсныг тань мэдэж болох уу? гэлээ.
Эмэгтэйн царайд халгаж буй нь илт мэдэгдсэнээ тэр даруй замхран арилаад тээнэгэлзсэн янзгүй,
- Учир нь... Үнэт эдлэлээс минь алга болсон юм шиг надад санагдсан юм. Гэхдээ би алга болсон юмаа олчихсон гэлээ.
Аллага, хүчирхийлэл эсвэл хүнд гэмтэл учирсан үед утсаар яаралтай дуудлага өгөх ёстойсон.
Бүгдийг дээд зэргээр гүйцэтгээрэй!
- Ойлголоо.
Байцаагч Ланг хэсэг зуур түдгэлзээд хатагтай дотогш оруулан хэргийн учрыг тайлахгүй гэдгийг нь ойлголоо.
- Баярлалаа, хатагтай Гасснер. Танд төвөг удсан бол өршөөгөөрэй хэмээв.
Урам хугарсан байцаагч хаалттай хаалганы өмнө хэсэг зогссоноо машиныхаа суудалд чихэж суугаад явлаа. Хаалга хаасан Анна, Вальтер тийш эргэн харвал тэрээр түүнийг сайшаан толгой дохиод, намуухан дуугаар,
- Сайн байна, Анна. Харин одоо дээшээ өрөөндөө оч гээд шат руу эргэмэгц Анна унтлагын хувцасныхаа халааснаас хайч гарган ирж түүний ар нуруунд нь зоочих нь тэр.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.16.16 10:19 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 28.

Рим хот.
Ням гариг. 11 сарын 4. Үд дунд.

Иво Палацци Симонетта, гурван хөөрхөн охиныхоо хамт д’Эстегийн сэрүүн ордноо зугаалж явахад ёстой нэг донж нь таарсан өдөр байна хэмээн бодно. Эхнэртэйгээ зүү орох зайгүй сугадалцан Тивонийн цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалан, усан сангийн цацран шүрших усан оргилуудыг дамжин гүйлдэх охидоо ажиглан д’Эстегийн гэр бүлд зочлон ирэгсдэдээ зориулан энэ цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулаад сая сая хүмүүст баяр баясгалан авчирч буйг- нь үзээгүй агуу их Пирро Лигориогийн хувь заяаны тухай залхуутайяа бодон явав. д'Эстегийн сэрүүн ордон Римээс зүүн хойхно, нэг их холгүй орших Савинийн өндөр ууланд байрлах аж. Иво ийшээ олонтаа ирдэг агаад нарны туяанд солонго татуулан цацрах бие биенээсээ тэс өөр усан оргилууруудыг 'өндөр уулан дээрээс харах тоолондоо асар их сэтгэлийн цэнгэл эдлэх авай.
Мөн саявтархан Иво Донателлаг, гурван хүүгийнхээ хамт ийш нь авчирсансан. Бурхан минь, тэд нар ямар их баярлаж байлаа! Үүнийг эргэн санаад Иво ихэд гуниглан, Донателлатай түүний гэрт муудалцсанаасаа хойш нэг ч уулзаагүй яваа ажээ. Тэрээр хийсэн үйлээ гэмшин Ивотой уулзахыг ямар их хүсч байгаа бол доо! Тэгээд юу гэж, жаахан шаналгаад өгөхөд гэмгүй хүүхэн, Иво урьд нь хэрхэн шаналж байлаа.
- Хөвгүүд ээ, нааш ир. Нааш ир гэх Донателлагийн дуу чихэнд нь тодоос тод хадлаа.
Тэрээр түүний дууг зүүдэндээ биш сэрүүндээ сонсож байгаа мэт сонслоо. Гэтэл тэр дахин,
- Алив Франческо, бушуул! гэх сонсогдов.
Иво гэдрэг эргэн харвал араас нь Донателла гурван хүүгээ хөтөлсөөр өөрийг нь, Симонетта болон гурван охиных нь зүг ирж яваа харагдах нь тэр. Иво эхлээд Донателлатай Тиволи цэцэрлэгт хүрээлэнд санамсаргүй учирлаа гэж бодтол, түүний царайг хармагц тохиолдлоор учраагүй юм гэдгээ ойлголоо. Энэ гичий санаатайгаар хоёр гэр бүлийг халз мөргөлдүүлэн түүнийг доромжлох гэж байх шив! Аюултай мөч тулгарч Иво агшин төдийд сэхээ аван Симонетта тийш эргэн,
- Бүгд миний хойноос! Одоо хамгийн сонирхолтойг үзүүлье хэмээн хөөрөн хашгирлаа.
Гэр бүлийнхэн нь түүний араас доош уруудсан тахир мухир шатаар хурдалцгаа. Иво явдал дундаа хүмүүстэй мөрдөлдөн түлхэлцээд эргэн харвал Донателла хөвгүүдийн хамт хэдийн шатан дээр гарч ирсэн байлаа. Тэрээр хэрэв хөвгүүд нь түүнийг харчихвал өнгөрөх нь тэр. Хэн нэг нь: “Аав аа!” гээд хашгирчихвал тэрээр ойр байх усан сан руу толгойгоороо шааж орохоос өөр яав билээ. Тэр хурдан гүйсэндээ амьсгаадавч Симонетта болон охидыг агшин төдий зогсоохгүй гэхдээ улам хурдаллаа.
- Бид хаашаа гүйгээд байгаа юм бэ? хэмээн Симонетта арай чамай амьсгаа аван гүйх зуураа асуугаад,
- Юу болоод яараад унав аа?.. гэлээ.
- Сюрприз үзүүлнээ. Харж бай гэж Иво хариулаад хулгай нүдээр хяламхийвэл Донателла ч, хөвгүүд ч харагдсангүй. Урдхан талд нь дээш, доош өгсөж уруудсан будлимаар шат харагдлаа. Иво өгсөх шатаар дээш гүйж,
- Миний хойноос! гэж командлаад,
- Хэн хамгийн түрүүнд дээр нь гарна, тэр шагнал хүртэнэ! гэлээ.
- Иво! Би чадахгүй нь! Ганц минут амсхийлгээч! хэмээн Симонетта гуйж гувшина.
- Юун амралт яриад байна! хэмээн Иво цовоо дуугаар хашгираад,
- Тэгвэл сюрприз байхгүй шүү. Урагшаа! гэлээ.
Тэрээр Симонеттагийн гараас хөтлөн шат өөд чирлээ. Охид нь хөгжилдөн түрүүлэн гүйцгээн, Иво амьсгаадаж эхлэв. “За яахав, ингэж яваад зүрх минь хаагдчихвал мэднэ биз дээ. Хараал идсэн хүүхнүүд! Тэдний хэнд ч итгэж болохгүй. Тэр яалаа гэж надад өширхөж байгаа нь энэ вэ? Тэр надад хайртай биз дээ. Муу дэлт бүргэдэд үзүүлээд өгөмз!
Мань эр Донателлаг оронд нь хэрхэн номхтгохоо төсөөлөн бодлоо. Хүүхний өмссөн нимгэн цамцыг хуу татан хаяад, дараад авахад Донателла айсандаа өршөөл гуйн мөргөх болно доо, гайгүй. Бөгсөн биеийн цус огшин хөөрч цавь хавьцаа нэг л соньхон, сайхан сэрэл мэдрэгдэхийг нь Иво анзаарав.
- Одоо жаахан ч болов амрах уу? гэж Симонетта дахиад гуйна.
- Хэзээ ч үгүй шүү. Одоо жаахан яваад бид хүрэх газраа очлоо!
Тэд орой дээр нь гарчээ. Иво ийш тийш харвал Донателла, хөвгүүдийн хамт хаа ч үзэгдсэнгүй.
- Чи биднийг хааш нь чирээд байна? гэж Симонетта унтууцав.
- Харж байгаарай гээд хийрхэх шахсан Иво шулганаад,
- Миний хойноос хэмээв.
Тэрээр гарах хаалга тийш тэднийг түлхэв.
- Бид нар явах гэж байгаа юм уу? гэж том охин Изабелла асуугаад,
- Аав аа, бид дөнгөж сая ирсэн шүү дээ хэмээв.
- Бид өөр тийшээ явна гэж Иво амьсгаадан өгүүлэв.
Гэнэт шатан дээр Донателла хөвгүүд нь зогсож байх үзэгдэв.
- Охидоо, бушуулаарай!
Хормын дараа Иво гэр бүлийнхээ хамт д’Эстегийн харшийн хашааны гадаа гарчихсан, асар том талбайд тавьсан машин руугаа хурдалж явлаа.
- Чамайг ийм байхыг чинь хараагүй юм байна гэж Симонетта хүндээр амьсгаадан байж өгүүлэв.
- Харин тийм, би хэзээ ч ийм байгаагүй гэж Иво үнэнээ хүлээн өчив.
Машины хаалга хаагдаж амжаагүй шахуу байтал тэрээр мотороо асаан чөтгөр араас нь хөөж буй аятай галзуутай хурдлан зогсоолоос хөдлөв.
- Иво!
Тэрээр Симонеттагийн гарыг энхрийлэн алгадаад,
- Бүгд тайвшраарай! Онцгой гавьяа байгуулсны төлөө та нарыг “Хасслер”-т зоогонд урья гэжээ.
Тэд Испанийн үзэсгэлэнтэй талбайн шат, тэртээ алсад будан дундаас гялалзах Гэгээн Петрийн дуганы алтан шар бөмбөгөр орой тийш харсан цонхны дэргэд сууцгаана.
Зоогийн ширээний тансагт Симонетта болон охидын сэтгэл ихэд хөөрчээ. Тэд бялууртлаа ундаалцгаасан бол ийм амжилт гаргасан Иво юу ч идсэн бэлэн байлаа. Түүний гар нь хутга, сэрээгээ хавиралдуулж чадахгүй болтлоо салганан чичирч, “Би хойшид тэсэхгүй нь. Энэ гичий амьдралыг минь баллаж орхих нь!” гэж гонсойн бодсон тэрээр Донателлагийн хорт санаанд үл эргэлзэх болжээ. Хэрэв Иво Донателлагийн амыг нь таглах мөнгө өгөхгүй бол түүний найдвар тасрах нь тэр.
Түүнд ямар ч үнээр болов мөнгө олохоос өөр аргагүй болжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.16.16 10:20 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 29.

Парис хот.
Даваа гариг. 11 сарын 5. 18.00 цаг.

Шарль гэрийнхээ босгыг алхмагц зовлонд унаснаа ойлголоо. Элена зочдын өрөөнд, хулгайлан авсан үнэт эдлэлийн хуулбарыг түүний захиалгаар хийдэг уран дархан Пьер Ришарын хамт сууж байх нь харагдав. Шарль тасалгаанд хөл тавин ормогцоо айсандаа хаалган дээр хөшиж орхих нь тэр.
- Шарль орооч гэх Эленагийн дуунд толгойтой үс нь зарсхийм заналхийлэл сонсогдоод, - Чамд ноён Ришарыг танилцуулах хэрэггүй болов уу гэж бодож байна гэлээ.
Шарль таг дуугүй дүрлийн хараад, дархан эрийн амнаас унах үг бүр түүний эсрэг байна гэдгийг ойлгожээ. Пьер Ришар Шарлийг харахаас эмээн аягүйрхэж, тонгойн шал руу тун ч анхааралтай ширтэнэ.
- Шарль, суу.
Энэ бол тушаал байсан тул Шарль тэр даруй суулаа.
- Ээ Гэгээн Мари минь гэж, чамайг санаатайгаар хулгай хийсэн хэрэгт буруутгаж байна. Чи миний үнэт эдлэлүүдийг хулгайлан, ноён Ришарын хийсэн хуурамч эдээр сэм сольсон байна.
Айж балмагдсан Шарль юу юугүй өмдөндөө шээс алдаж байгаа мэдэрчээ. Хамгийн сүүлд балчир хүү байхдаа удаа ингэж өмдөндөө шээс алдсансан. Шарлийн царай час улайлаа. Цөхрөнгөө барсан эр өрөөнөөс гүйн гарч, биеэ янзалмаар санагдана. Гэвч үнэнийг хэлэхэд эндээс гүйж гарах юм бол тэрээр хэзээ ч наашаа эргэж ирэхгүй билээ.
Элена бүгдийг мэджээ. Тэр энэ бүгдийг яаж мэдсэн нь юуны хамаа байхав. Одоо ч бултаж зайлах газаргүй боллоо. Элена нэгэнт хулгайг нь илрүүлсэн хойно одоо түүнийг мянган бурхан тойроод ч ямар ч энэрэл үгүй болжээ. Тэр яах гэж үнэт эдлэлийг нь хулгайлсны учрыг мэдсэн тэр цагт юу болох бол доо? Энэ ч бас болоогүй. Олсон мөнгөө аваад оргон зайлах гэснийг нь мэдвэл тэр нойтон голтой үлдэх болов уу? Тэр үед аюултай там түүнд нутгийг нь зааж өгөх болно доо. Шарлиас илүү Эленаг сайн мэдэх хэн ч байхгүй. Тэр юу ч хийж чадна. Элена нүд ирмэхийн зуургүй түүнийг Парижийн гудамжинд хонодог орон гэргүй, ноорхой хувцастай тэнүүлч болгож орхино. Түүний амьдрал хормын төдийд тэр чигээрээ хөмөрсөн тогоо шиг болно.
- Чи арай хийсэн мулгуу хэргээсээ эсэн мэнд мултарчихна гэж санаагүй биз дээ? хэмээн Элена шүд зуун асуув.
Золгүй Шарль таг дуугүй суусаар. Нойтон өмд нь гуя цавинд нь наалдавч, тэр доош харж зүрхэлсэнгүй. Элена энэ бүхнийг яаж мэдэв ээ гэсэн цорын ганц бодол Шарлийн сэтгэлийг зовооно.
- Чиний гарын үсэгтэй, надаас хулгайлсан мөнгөний бүх баримт бичгийн хуулбар надад байна. Би чамайг хорин таван жилээр шоронд цөлчхөж элбэгхэн чадна даа гээд тэрээр хэсэг азнаснаа нэмэн, - Хэрэв хүсвэл шүү гэлээ.
Түүний сүүлчийн үг Шарлийн айдсыг улам нэмэв. Элена нигүүлсэнгүй сэтгэл гаргах тусам илүү аюултай болдгийг амьдралынх нь туршлага түүнд мэдүүлжээ. Шарль түүнийг харж зүрхэлсэнгүй. Тэр Шарлиас юу шаардаад байна вэ? Мэдээж ёрын муухай, хэрцгий явдал л биз дээ.
Элена Пьер Ришар тийш эргэн,
- Би хэрхэхээ шийдээгүй цагт, хэн ч энэ хэргийн тухай мэдэх ёсгүй шүү гэв.
- Тэгэлгүй яахав, тэгэлгүй яахав, хатагтай Рофф-Мартель аа, бүх юм таны хүссэнээр болно хэмээн тэрээр дуржигнуулаад хаалга тийш итгэлтэй гэгч нь харан, - Харин одоо би... гэлээ.
Элена толгой дохимогц Пьер Ришар өрөөнөөс харвасан сум мэт огло үсрэн гарлаа.
Элена дархан эрийг харцаараа үдээд, нөхөр руугаа эргэн харж түүний айдсыг бие сэтгэлээрээ мэдэрчээ. Бас нэг юм байна. Шээсний үнэр. Бүсгүй сэтгэл ханасан аятай инээлээ. Тэр айсандаа өмдөө норгочхож. Элена түүнийг сайн хашраажээ! Элена Шарльд тун сэтгэл ханамжтай байдаг. Тэр зөв сонголт хийж, Шарлийг гаршуулан гэрийн нохой мэт сургасандаа аж. “Рофф ба хөвгүүд”-д Шарлийн нэвтрүүлсэн шинэ санаанууд гялалзсан амжилт авчирсан ч
гэлээ, энэ бүхэн бүгд Эленагийнх байлаа. Бүсгүй нөхрөөрөө дамжуулан концернын багахан хэсгийг захирдаг нь түүнд чамлалттай санагдах болжээ. Тэр Роффуудын нэг. Бас дээр нь их баян хатагтай. Түрүү түрүүчийн гэрлэлт хүүхнийг бүр ч баяжуулсан ч гэлээ мөнгө түүний сонирхлыг үл татна. Тэрээр зөвхөн концернын тэргүүн болохыг санаархана. Элена өөрийн акцийн мөнгөөр зарим нэг хувь нийлүүлэгчдийг худалдан авахаар төлөвлөж, энэ талаар тэдэнтэй хэдийн ярилцаж амжжээ. Тэд хяналтын акцийг эзэмшсэн онцгой бүлэг байгуулахаар тохиролцсон байна. Сэдсэнээ гүйцэлдүүлэхэд нь эхлээд Сэм, харин одоо Элизабет түүнд ёстой нэг шаврын хаалт болох болжээ. Элизабет эсвээс өөр хэн нэгэн нь саад болох юм гэж, санаагаа хэрэгжүүлэх гэсэн Эленагийн төлөвлөгөөнд огт орж ирсэнгүй. Бүсгүй Шарлийг түүний эсрэг турхирна. Хэрэг эс бүтвээс тэр золигт гаргасан ухна болох бий вий.
Харин одоо тэр өөрийн хийсэн үйлдээ шийтгүүлэх ёстой. Элена түүний нүдийг эгцлэн ширтэв
- Шарль аа, хэн ч надаас хулгай хийж зүрхэлдэггүй юм шүү. Хэн ч! Чиний үхэл чинь ирж дээ. Хэрэв би чамайг аврахыг хүсэхгүй бол тэр шүү.
Тэрээр түүнийг үзэн ядаж айн бэмбэгнэсээр таг дуугүй сууна.
- Шарль аа, би чамайг аврахыг чи хүсч байна уу? гэж тэрээр зулгуйдан асуулаа.
- Тийм ээ гэж мань эр сөөнгө дуугаар хариулав.
Шарль нүднийхээ ‘булангаар эхнэр нь банзлаа тайлж байгааг зэрвэсхэн хараад: “Ээ Тэнгэр минь! Одоо л биш шүү!” хэмээн бодов.
- Тэгвэл миний хэлэхийг сонсож бай. “Рофф ба хөвгүүд” концерн минийх болох ёстой. Би хяналтын акцийг эзэмшихийг хүсч байна.
Шарль түүн тийш зовлонтой харцаар хараад,
- Элизабет хяналтын акцийг худалдахыг зөвшөөрөхгүй байгааг чи мэдэж байгаа шүү дээ гэсэнд,
Элена тэр даруй цамц, дотоожоо тайчин хаяад түүний өмнөөс өлөгчин барс мэт үзэсгэлэнтэй биеэ нүцгэлж, түрэмгий гэгч нь товойсон хатуу хөхөө түмбийлгэн амьсгаа нь давхцан хөдөлгөөнгүй зогссоноо,
- Түүнийг зөвшөөрүүлэх л болж дээ. Эсвэл хорин таван жил шоронд суу. Гэхдээ үүнийг яаж хийхийг чинь би хэлж өгнөө. Харин одоо нааш ир, Шарль гэжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.16.16 10:21 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 30.

Маргааш өглөөний 9 цагт Элизабетын өрөөнд утасны хонх дуугарч Эмиль Жипли ярилаа. Бүсгүй түүнд тэдний яриаг хэн ч эс мэдэгд гэсэндээ хувийнхаа утасны дугаарыг өгчээ.
- Тантай яаралтай уулзах хэрэг байна гэх сэтгэл зовсон дуу харилцуурт сонсогдов.
- Арван таван минутын дараа очлоо.
Кэйт Эрлиг пальтогоо өмссөн Элизабетыг хараад,
- Та чинь уулзалттай...
- Нэг цагийн дотор нэг ч хүн хүлээж авахгүй гээд Элизабет хүлээлгийн өрөөнөөс гарч явав.
Судалгааны хэлтсийн орох хаалган дээр зэвсэгтэй харуул Элизабетын үнэмлэхийг шалгаад,
- Зүүн талын хамгийн мухрын хаалга, Рофф авхай.
Жипли лабораторидоо гав ганцаар байлаа. Тэр баярласандаа сэтгэл нь хөөрчээ.
- Өчигдөр шөнө туршилтаа дуусгасан. Тэр үйлчилсэн. Энзим хөгшрөлтийн явцыг зогсоож байна. Нааш ир.
Тэрээр Элизабетыг гавшгай хурдан гэгч хөдөлгөөнтэй дөрвөн туулай бүхий тор тийш аваачив. Энэ торны дэргэд яг адил дөрвөн туулайтай бас нэгэн тор байх агаад тэд нар эхний туулайнуудыг бодвол илт аядуу хөдөлгөөнтэй, ахимаг насных нь үзтэл ойлгомжтой байлаа.
- Энэ дөрвийг энзимээр тэжээж өсгөсөн юм гэж Жипли хэлэхэд Элизабет торны дэргэд тулж очин зогслоо.
- Эд нар цоо эрүүл харагдаж байна.
Жипли инээгээд,
- Энэ бол хяналтын группийн нэг хэсэг гэснээ, нөгөө торыг заан, - Харин тэр дөрвөөс насаар ахимаг юм шүү гэв.
Элизабет нялх бүжингүүд шиг нэг ч минут тайван зогсохгүй торон дотуур шаламгай харайх хөгшин туулайнуудыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй.
- Бусад туулайнуудтай харьцуулахад эдний амьдралын мөчлөг 3:1 - ын харьцаатай эрт гэж Жипли тайлбарлав.
Хүмүүст хэрэглэхэд энэ харьцаа гарч ирнэ дээ.
- Хэзээ? Та бэлдмэлийг клиникийн нөхцөлд турших вэ!
- Гарсан үр дүнгээ ерөнхийд нь дүгнэмэгц л хийнэ дээ. Үүний дараа, гурав ч юм уу, цаад тал нь дөрвөн долоо хоногийн дараа л болно гэж бодох юм.
- Эмиль ээ, Бурхныг бодож энэ тухайгаа хэнтэй ч бүү хэлэлцээрэй хэмээн Элизабет түүнд анхааруулав.
Эмиль Жипли зөвшөөрөн толгой дохилоо.
- Ойлгож байнаа, Рофф авхай. Надад ч яриад байх хэн байх вэ дээ, би чинь ганц бие, зожиг хүн шүү дээ.
Элизабет үдээс хойших цагаа Захирлуудын зөвлөлд зориулан, уулзалт ч амжилттай боллоо. Вальтер Зөвлөгөөнд ирсэнгүй, Шарль мөн л акцийн худалдааны тухай дахин үг цухуйлгаад авлаа. Элизабет тэр даруй энэ асуудлыг хэлэлцэхгүй хэмээн хорин тавьжээ. Ингэсний эцэст Ивогийн элэгсэг найртай үг нь чихэр нь ихэдсэн байхуу мэт нялуун оргиж, Алек жинхэнэ жентельмен зан гарган сууна. Гагцхүү Шарль ер бусынаар хорсон уурсаж хийрхэх нь холгүй хавчганана. Элизабет ч түүний ийнхүү аяглахын цаад шалтгааныг тааварлажээ.
Бүсгүй бүгдийг хоолонд уриад, санамсаргүй мэт нууц тайланд илтгэсэн үйл явдлын тухай мэдэгдээд, тэдний зан байдал, харцнаас өчүүхэн төдий ч гэхнээ гэмшсэн эсхүл унтууцах янз тодрохыг олж харахыг оролдон бүгдийг анхааралтай ажна. Гэвч ер бусын, чих сэртийм юу ч анзаарагдсангүй ч тэдний хэн нь ч гэсэн, тэр ч байтугай хуралд ирээгүй Вальтер ч гэсэн хорон санаат холионы этгээд мөн байхыг үгүй гэх газаргүй ажээ.
Рис ч гэсэн Зөвлөлийн хуралд ирсэнгүй. Тэрээр,
- Надад яаралтай ажил гарлаа гэж дуулгасан ажээ.
Элизабетад түүний ирээгүй шалтгаан бас л нөгөө ээлжит хүүхэнтэй холбоотой эсэхийг тааварлах л үлджээ. Бүсгүй шөнө орой болтол хамт сууж ажиллах тоолондоо мань эр болзоогоо хойшлуулдаг болохыг нь сайн мэднэ. Нэг удаа түүнийг хойшлуулж амжаагүй байтал дурлалт бүсгүй болох хүүхэн хүн гэхээсээ галбир суугаагүй охины бие бялдартай шар үстэй бүсгүй өөрөө тэдний өрөөнд гэнэт дайран орж иржээ. Өөрийгөө хууран мэхэлсэн хэмээн уурссан үзэсгэлэнт бүсгүй ухаанаа алдах шахсан байв. Рис түүнийг цахилгаан шат тийш дөнгөж хүргэж өгчхөөд эргэж ирээд,
- Дайрч орж ирснийг нь уучлаарай гэжээ.
Элизабет тэсэж чадсангүй.
- Ярихын аргагүй сэтгэл татам сайхан хүүхэн байна гэж Элизабет зэмлэх янзтай хэлээд,
- Юу хийдэг юм бэ? гэж асуув.
- Мэдрэлийн мэс засалч гэж Рис үнэнийг хэлэхэд Элизабет үл итгэсэн янзтай тачигнатал хөхрөв.
Маргааш нь шар үст танхил бүсгүй үнэхээр мэдрэлийн мэс засалч байсныг нь Элизабет мэджээ.
Юу ч хийдэг байсан Элизабет тэд бүгдийг үзэн ядна. Элизабет бусадтай нийцтэй, язгууртны хүрээний хүн болох Рисийг мэдэх авч, гадна өнгөндөө сониуч харцнаас нь далд нуугдах мань эрийг үнэн мөнийг олж харан, сайн ойлгохыг хүсэх ажгуу. Элизабет нэг бус удаа чухамдаа тэр өөрийнх нь тушаал зааврыг биелүүлж байхын оронд концерныг толгойлох ёстой хүн гэсэн бодолтой явжээ.
Энэ талаар тэр өөрөө юу бодож байгаа бол доо?
Зоог барьсны дараа орой болсон хойно Зөвлөлийн гишүүд харихаар галт тэрэг онгоцондоо амжицгаахаар явцгаасны хойхно Кэйт Эрлингтэй хамт бичиг цаас нухаж байсан Элизабетын өрөөнд гэнэт Рис орж ирлээ.
- Үүгээр - өнгөрч яваад ороод гармаар санагдлаа. Магадгүй, тусламж хэрэгтэй байж юу магад гэж Рис эрээлэлгүй хэлэв.
Зөвлөгөөнд яагаад ирээгүйдээ ямар ч тайлбар тавьсангүй. "Тэр яагаад миний өмнө тайлагнах ёстой гэж?” хэмээн Элизабет боджээ.
Тэр явуут дундаа ажилдаа орж, цаг ч үл анзаарагдам хурдан өнгөрлөө. Элизабет ухаалаг хурц нүдээрээ бичиг цаастай танилцан бөхийн суух Рисийг битүүхэндээ ажна. Тэрээр урьд нь чухал гэрээ боловсруулахад хуульчийн гаргасан хэд хэдэн алдааг олсон сон. Тэгтэл Рис дээш өндийн цаг руугаа харснаа,
- Хөөх, шөнө дунд болох нь байна. Болзоондоо хожигдчих вий дээ. Маргааш эртхэн ирээд энэ гэрээг хяначихъя гэлээ.
Сонин юм даа, энэ удаад хэнтэй болзоо бол доо, нөгөө мэдрэлийн мэс засалчтай юу, эсвэл...Рисийн яаж явах нь түүний хувийн хэрэг тул бүсгүй энэ тухай юу ч бодохгүй байхыг хичээлээ.
- Надад тун харамсалтай байна. Би ийм орой болчихсоныг анзаарсангүй. Чи яв яв, Кэйт бид хоёр дахиад жаахан сууна.
Рис толгой дохиод, - Маргааш хүртэл баяртай. Тавтай нойрсоорой, Кэйт ээ гэлээ.
- Тавтай нойрсоорой, ноён Уильямз.
Элизабет хаалга тийш явах Рисийн араас харж сууснаа, ажилдаа эргэн орохоор шамдавч хэсэг хугацааны дараа тэрээр Рисийн тухай бодон, Эмиль Жиплийн шинэ эмийн амжилтын тухай Рисэд хэлэхсэн хэмээн тэсэн ядавч, цаг нь арай болоогүй гэж боджээ. Гэхдээ удаан хүлээхгүй биз дээ гэж Элизабет өөрийгөө тайвшруулав.
Тэд эхлээд гэрээ хэлэлцээрээ цэгцэлж дуусгалаа.
- Дахиад ажиллах уу? гэж Кэйт Эрлингийг асуухад,
- Үгүй, өнөөдөртөө боллоо. Баярлалаа, Кэйт ээ. Маргааш өглөө яаран эрт ирээд яахав гэв.
Элизабет суудлаасаа босоод удтал суусаар хамаг бие нь хөшчихсөнийг сая л мэдлээ.
- Баярлалаа. Маргааш үдээс өмнө бүгдийг нь хэвлэчихнэ.
- Сайн байна.
Элизабет пальтогоо өмсөн цүнхээ авч, хамт гарахаар Кэйтийг хүлээгээд, тэднийг хүлээн буй цахилгаан шат руу очив. Элизабет товчлуурыг дартал хүлээлгийн өрөөний утас хангинан дуугарлаа.
- Би харилцуур авъя. Та явж бай гэж Кэйт Эрлинг хэлэв.
Элизабет ч цахилгаан шатруу орлоо.
Энэ мөчид доод давхар дахь үүдний танхимд шөнийн хамгаалагч, самбар тийш харан сууж байтал дээд эгнээний улаан гэрэл ассан нь экспресс - цахилгаан шат ажиллаж эхэлсний дохио ажээ. Рофф авхай үүдний танхимд бууж ирж явна. Түүний жолооч тэртээ булан дахь буйдан сандалд сонин шагайн сууж байв.
- Босс бууж ирж явна гэж хамгаалагч эр түүнд хэллээ.
Жолооч нэг суниагаад аажим босч ирэв.
Гэнэт үүдний танхимын нам гүмийг түгшүүрийн огцом хангинах дохио эвдлээ. Харуул эр самбар руу харвал цахилгаан шат доошилж явааг илтгэх улаан товчлуур ер бусын хурдтайгаар гялалзтал доошилж харагдав.
Осол гарлаа!
- Ээ Бурхан минь! хэмээн харуул сандчин, самбар руу гүйж очоод, удирдлагын хаалгыг нээн, автомат тоормосыг ажиллуулдаг ослын системийг залгалаа.
Улаан гэрэл эрчимтэй доошилсоор. Жолооч самбар тийш гүйж ирээд цонхийн цайсан харуулын царайг хараад,
- Наана чинь юу бол... гэвэл харуул,
- Зугтаа! Тэр унах нь байна гэж хашгирав.
Тэд тэртээ хол байх хана руу гүйн очицгоов. Тросс нь тасран, цахилгаан шатны хонгил даган унаж буй бүхээгээс үүдсэн чичиргээ нь илт мэдэгдэж эхлэхэд хамгаалагч эр: “Бурхан минь, бүсгүй цахилгаан шатанд суугаагүй л байгаасай!” хэмээн бодтол үүдний танхимд ойртон ирж яваа бүхээг дотроос бүсгүйн зүрх шимширтэл хашгирах дуу сонсогдов.
Агшиний төдийд пижгэнэх дуу чимээ гарч, газар хөдлөв үү гэлтэй байшин доргин чичирхийллээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.16.16 2:22 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
heden devtertei zohiol ve?

_________________
...


Top
   
PostPosted: Feb.16.16 2:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Талаасаа жаахан өнгөрч байх шиг бнаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.16.16 2:50 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
2 дэвтэр 58 бүлэгтэй юм байна. Хэд байвал уншиж соёрхох вэ?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.16.16 3:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
за лифтэн дотор Кэйт л байгаа байх даа, хэн нэгний Элизабетэд зориулсан ээлжит бэлгэнд золгүй бүсгүй л өртцсөн байх. Эднийхний хүргэд дотор нэг олигтой юм байхгүй шүү, хүүхнүүд нь ч гэсэн зүгээргүй, бүгд л мөнгө мөнгө гэсэн юмнууд, сайхан ажилтай орон гэртэй, юугаар ч дутагдахгүй байж зүгээр л амьдраад байж болдоггүй сонин улсууд, бааярлалаа маш шуурхай бөөндөж байгаад


Top
   
PostPosted: Feb.16.16 3:18 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.16 3:28 pm
Posts: 5
Саруул wrote:
Талаасаа жаахан өнгөрч байх шиг бнаа.


Top
   
PostPosted: Feb.16.16 3:19 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Feb.12.16 3:28 pm
Posts: 5
Янзтай


Top
   
PostPosted: Feb.16.16 5:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Харин хөөрхий муу Кэйт л хэлмэгдсэн бх. Симонна хамгийн гэмгүй нь биз дээ. Нөхөр нь л үл бүтэх амьтан болохоос. Харин тэр Анна ганц хайчаар нөхрөө алах нь юу л бол. Вальтер арай ч үр хүүхдээ алаагүй блгүй дээ :aa:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.17.16 10:15 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 31.

Цюрихийн эрүүгийн цагдаагийн ахлах байцаагч Отто Шмит ширээнийхээ ард суугаад, хилэгнэн бухимдсан уураа даран тайвшрахыг оролдож, нүдээ анин иогийн дасгал ёсоор гүн амьсгаа авлаа.
Цагдаагийн протоколд хэдийчинээ маргаангүй байх тусам тусгайлан хэлэлцэх санаа хэн хүнгүй төрдөг тийм нэгэн хөдөлбөргүй журам байдаг аж. Тэд үүнийг нойр хоол, агаар ус мэт боддог байна. Ийнхүү Отто Шмитийн ширээн дээр протоколын дүрэм ёсоор байцаагч Макс Хорнунгийн тайлан хэвтэж байгаа нь энэ. “Би юунд уурлана вэ” гэж ахлах байцаагч 'өөрийгөө ятган сууна.
Ахлах байцаагч Шмитийн хувьд байцаагч Хорнинг бол усч альбатрос шувуу мэт эрэмгий агаад тэрээр Мелвилл Моби Дикийг шимтэн уншдаг нэгэн. Байцаагч дахин цээж дүүрэн гүнзгий амьсгаа авлаа. Уур цухал нь номхорсон тэрээр байцаагч Хорнунгийн тайланг эхнээс нь уншиж гарлаа.
ЦАГДААГИЙН ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ АЛБАНЫ ЖУРАМ

11 сарын 7, Лхагва гариг.
ЦАГ: 1. 15
ҮНДЭСЛЭЛ: “Рофф ба хөвгүүд” концерныг төв байранд гарсан ослын тухай төв холбооноос мэдэгдсэн.
ОСЛЫН ХЭЛБЭР: Тодорхойгүй.
ОСЛЫН ШАЛТГААН: Тодорхойгүй.
АМЬ ҮРЭГДСЭН ЭСВЭЛ ХОХИРОГСДЫН ТОО: Тодорхойгүй.
ЦАГ:1.27
ҮНДЭСЛЭЛ: “Рофф ба хөвгүүд” концерныг төв байранд гарсан ослын тухай дахин мэдэгдсэн.
ОСЛЫН ХЭЛБЭР: Цахилгаан шатны бүхээг унасан.
ОСЛЫН ШАЛТГААН: Тодорхойгүй.
АМЬ ҮРЭГДСЭН ЭСВЭЛ ХОХИРОГСДЫН ТОО: Үхлээр төгссөн. Эмэгтэй хүн.
Нэн даруй мөрдөн байцаалтад орсон. 1. 35 минутад “Рофф ба хөвгүүд”- ийн захиргааны байрны эрхлэгчийг олж, түүнээс барилгын ерөнхий архитекторын нэрийг мэдэж авсан.
2.30-д Ерөнхий архитекторыг олсон. Тэр “Ли Пюс”-т төрсөн өдрөө тэмдэглээд өндөрлөж байв. Түүнээс тус байрны цахилгаан шат тавьсан фирмийн нэр, хаягийг асуув. “Рудольф Шатц Л. Г"
3.15-д Рудольф Шатц руу ярин цахилгаан шатны байрлалын план зураг, мөн санхүүгийн эх баримт, цахилгаан шат тавьсан бодит орлогын урьдчилсан болон эцсийн төсвийг нэн даруй үзүүлэхийг, мөн цахилгааны болон механикийн төхөөрөмжийн нэрсийн бүрэн жагсаалтыг гаргаж өгөхийг хүссэн.

Байцаагч Шмит тайлангийн энэ хэсэгт дадсан зангаар баруун хацар нь таталдахыг мэдрэв. Тэр хэд хэдэн удаа гүнзгий амьсгаа аваад, цааш уншлаа.
6.15-д Миний шаардсан баримтыг ноён Шатцын эхнэр цагдаагийн удирдах газар авчирч өглөө. Урьдчилсан төсвийг цахилгаан шат суурилуулсан бодит зардалтай харьцуулсны дүнд дараах дүгнэлт хийв.
а/ Цахилгаан шат барихад чанаргүй материал ашиглаагүй.
б/ Асар их нэр хүндтэй тус барилгын фирмийн ослын шалтгаан нь цахилгаан шатны угсралтыг мөн чанаргүй гүйцэтгэсэн гэж үзэхгүй.
в/ Ослын систем бүрэн бүтэн ажиллаж байсан.
г/ Ослын шалтгааныг санамсаргүй тохиолдол хэмээн үзэж байна.
Макс Хорнунг. ЭЦГ. .

Жич: Шөнө орой, өглөө үүрээр миний төвөг удан утсаар ярьсан болон байцаасан хүмүүс гомдол мэдүүлж болох юм
гээд гарын үсэг зуржээ.
Байцаагч Шмит ууртай гэгч нь тайланг чулуудчихав. “Гомдоллож магадгүй гэнэ ээ!”, “Төвөг удсан!” гэнэ шүү. Байцаагч өглөөжингөө Швейцарын төрийн томчуудын бараг тэн хагасынх нь утасны дуудлагад бөмбөгдүүлсээр суулаа. Танайх гестапын газар уу? Та нар бүгдийн хүндэтгэлийг хүлээсэн барилгын фирмийн ерөнхийлөгчөөс баримтын тайланг нэхэж шөнө дунд хөнжлөөс нь босгож яаж зүрхэлнэ вэ? Та нар яаж “Рудольф Шатц” шиг, хүндтэй фирмийн нэр төрд халдаж чадаж байна аа? гэх мэтийн олон таван үгийг чихээ улайдтал сонсчээ. Гэтэл байцаагч Макс Хорнунг ослын тухай мэдээ хүлээн авснаасаа хойш хэргийн газар арван дөрвөн цагийн дараа очсон нь хамгийн ихээр цочирдуулжээ! Түүнийг очиход амь үрэгдэгчийг хэдийн бүхээгээс гарган авч, цогцсыг таниулан, задлан хийж гүйцэтгээд байжээ.
Тайлангийн хоёрдугаар хэсгийг уншсан ахлах байцаагч Шмит байцаагч Макс Хорнунгийг дуудуулав.
Намхан нуруутай, бильярдын бөмбөг шиг бөв бөөрөнхий том халзан толгойтой, уйтгар шингэсэн нүдтэй тэрээр алмай хүн шиг харагдана. Тэр том толгойдоо үл зохицох дэндүү жижигхэн чихтэй ажээ. Макс Хорнунг Цюрихийн Эрүүгийн цагдаагийн ажилтнуудад тавигддаг стандарт өндрөөс 6 дюйм нам, 15 фунт хөнгөн, дээр нь бас найдахын аргагүй холын хараа муутай юмсанж. Гэвч түүнийг энэ гадаад төрх байцаагчийн омгорхуу зан ааштай огт зохицдоггүй нь хачирхалтай. Цагдаагийнхан бүгдээрээ байцаагч Хорнунгийг нэгэн дуугаар үзэн ядна.
- Одоо хүртэл түүнийг цагдаагийн газраас зайлуулчхаж яагаад болдоггүй юм бэ? гэж ахлах байцаагчийн эхнэр мэт зэвүүг нь хүргэхэд мань эр золтой л ухамсрын шанаа өгчихгүй арай ядан тэсдэг аж.
Макс Хорнунг Цюрих хотын эрүүгийн цагдаагийн байцаагчийн албан тушаалд өдий болтол толгой хоргодоод байгаагийн учир нь бүх шоколад, цагны үйлдвэрийн орлогыг хээл хахуулийнх нь хамтаар хэд дахин өсгөсөн дүнгээр илрүүлэн Швейцарын үндэсний орлогод хувиасаа их нэмэр оруулжээ. Тэрээр заяаны нягтлан бодогч, математикийн суутан, санхүүгийн салбарын нэвтэрхий толь мэт мэдлэгтэй, авьяаслаг нэгэн байлаа. Макс санхүүгийн хуйвалдаан илрүүлэх, үнэт цаасны зах зээл болон банкнуудын үйл ажиллагааны зөрчил, Швейцарын банканд гадаадын валют ихээр орж ирэх болон хомстох зэрэгт хяналт тавих хэлтэст Бетраг Абтелюнгийн хамтрагчаар ажиллана. Чухамдаа Швейцар руу хууль бусаар мөнгө оруулах контрбандуудад чөдөр тушаа болон, сая саяар эргэлдүүлэх хууль бус санхүүгийн ажиллагааг илрүүлж, дэлхийд алдар хүндтэй бизнесменүүдийг торны цаана суулгаж дөнгөсөн мань эрийн нэр Швейцарын санхүүгийн элитүүдэд айдас төрүүлдэг байна.
Өөрсдийгөө бүхнээс дээгүүр тооцдог Швейцаруудын хамгийн нандин, хамгийн үнэтэй чанар нь хүний хувийн амьдралд үл халдах явдал. Хэрэв зээ Макс Хорнунг шуурхай ажиллагаанд орсон л бол энэ дархан эрх нь мөрөөдөл төдий хэрэг болдог байв.
Үүрэгт ажлаа хашсаныхаа төлөө тун ч өчүүхэн цалин пүнлүу хүртдэг санхүүгийн уяаны нохой Максийг банканд тусгай дансанд сая сая франк шилжүүлэн, Кортина д’Ампеццо тосгонд орон байр, дарвуулт хөлөг тэр ч бүү хэл заримдаа залуу сайхан хүүхнээр хахуульдана. Гэвч тар бүрийд татгалзахад, хэлтсийн дарга амласан хахуулийг нийтэд зарлан тунхаглаж, нүгэлт хүнийг залхаадаг байлаа. Мөнгө Макс Хорнунгийн хорхойг хөдөлгөнө гэж гонжийн жоо. Хэрэв тэрээр саятан болохыг хүсэж, өөрийн агуу их математикийн чадвараа фондын биржид ашиглах юм бол хуруу дохихын төдийд хүсэл нь биелэх авч иймэрхүү бодол түүний халзан толгойд даанч нэг ордоггүй нь сонин.
Түүний цагдаагийн мөрдөгч байх чин хүслийн шалтгаан бол мань эр өөрийгөө Шерлок Холмс, Мегрэ шиг төрсөн хэмээн бодож төвөгтэй, ээдрээтэй хэргийг тэвчээртэй шаргуу хөөцөлдөн шийдвэрлэж, өрөвдөх сэтгэлгүйгээр гэмт хэрэгтний ичээ рүү шургалан ороход байв. Швейцарын шилдэг санхүүчдийн нэг Макс Хорнунгийн мөрдөгч болох нууц хүслийг нь санамсаргүй олж мэдмэгцээ нөлөө бүхий хэд хэдэн найз руугаа ярин, 48 цагийн дараа гэхэд л Макс Хорнунгийг эрүүгийн цагдаагийн газрын байцаагчийн албан тушаалд томилуулжээ. Хүсэл мөрөөдөл нь биелсэн Макс тэнгэрийн од шүүрсэн мэт баярлаж, тэр даруй албан тушаалдаа ороход булт бизнесменүүд санаа амран, гүнзгий амьсгаа аваад нууц ажиллагаагаа сэтгэл амар хийхээр ханцуй шамлан орцгоосон ажгуу.
Ахлах байцаагч Шмиттэй ч зөвлөлдөлгүй, Швейцарын улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэг утасдаж, асуудлыг хэдийн шийдсэнийг дуулгасан байна. Ингээд хамаг хэрэг мандах нь тэр. Цагдаагийн сургууль төгсөө ч үгүй, бас дээр нь туршлагагүй хүнийг байцаагчаар авсанд тэрээр дургүйцсэнээ арай ядан дарж явлаа.
Мань эр тааламж муутай хамрагчаасаа хагацах арга саам хайж, түүнийг аахар шаахар ажил хийлгэн, хэлтсээс хэлтэст бөмбөг өшиглөх мэт цөлж явуулна.
Дүрэм ёсоор байцаагч болгон гурван сард нэг удаа долоо хоногийн шөнийн жижүүр хийх ёстой бол байцаагч Шмит болон бусад мөрдөгчид гэрчлэх баримт цуглуулахаар явахдаа хөөрхий Максыг ад үзэн жижүүрээ орлуулан орхидог байлаа. Гэтэл энэ үед хэрээс нь хэтэрсэн хэрэг гарч Макс түүнийг илрүүлчихсэн сууж байх нь мөрдөгчийн хорыг нь малтан, улам цухалдуулдаг байжээ.
Мөн Макс цагдаагийн нягтланд албан хэрэгцээний зардлын тайлангаа гаргаж өгсөн нь бүгдийг цочирдон гайхшруулжээ. Түүнийг анх удаа төлбөрийн баримт гарган өгөхөд ня-бо дэслэгч түүнийг дуудан,
- Макс аа,- таны тооцоонд бага зэрэг алдаа байна хэмээн зөөлнөөр хэлэхэд нь,
Макс эргэлзэн нүдээ цавчлаад,
- Миний тооцоонд алдаа байна ий? хэмээн асуухад,
- Тийм ээ. Үнэндээ нилээд хэдэн алдаа л даа гээд дэслэгч өмнөх цаасаа түлхээд,
- Хот хүрэхэд 80 сантим, эргээд ирэхэд бас 80 сантим гэсэн байна гээд дэслэгч цааснаас хараа салган, - Гэтэл таксийгаар явахад талдаа 34 франк байдаг юм гэв.
- Яг үнэн, ноён дэслэгч ээ. Тийм учраас л би автобусаар явсан юм гэжээ.
Дэслэгчийн хөмсөг дээш өргөгдөж,
- Автобусаар ий? гэж гайхан асуув.
Яаралтай хэрэг гарсан тохиолдолд байцаагчийг нийтийн тээврээр зорчихыг зөвшөөрдөггүй бөгөөд ийм явдал урьд хожид огт сонсогдоогүй ажээ. Дэслэгчид хэлэх үг олдсонгүй.
- Гэхдээ ингэх хэрэггүй байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, зарлага хэмнэсэн гэж бид урамшуулдаггүй юм, Хорнунг аа, гэлээ ч гэсэн манайх онцгой зардлын хангалттай төсөвтэй газар: Та тайландаа хоолны зардлаа оруулахаа мартжээ.
- Үгүй, ноён дэслэгч ээ. Би өглөө зөвхөн кофе ууна, харин оройн хоолоо өөрөө хийчихдэг болохоор сурсан зангаараа хэрэгтэй юмаа аваад явдаг юм. Харин үдийн хоолны зардлыг тайланд бичсэн.
Үнэхээр тийм байлаа. Өдрийн гурван хоолонд зарсан 16 франкаараа энэ мангуу амьтан Аврах Армийн тогооноос л дөнгөн данган үдийн хоол авч чадахсан!
Дэслэгч хүйтнээр,
- Байцаагч Хорнунг аа, танай хэлтэс таныг орохоос өмнө зуун жилийн турш оршин тогтнож байсан, танаас хойш ч хэдэн зуун жил байсаар л байна. Энд эрт үеэс уламжлан ирсэн дүрэм журам гэж байдаг юм шүү гээд тэрээр Макс руу тайланг түлхээд, - Дашрамд хэлэхэд анд минь, бусдыгаа мартаж болдоггүй юм. Би өөрийн санаагаа тодорхой илэрхийлэв үү? Тэгвэл одоо энэ тайлангаа авч яваад, ном ёсоор нь бичээд аваад ир гэлээ.
- Мэдлээ, ноён дэслэгч ээ. Өршөөгөөрэй, би... би үнэхээр алдаа гаргажээ.
Дэслэгч уужуу сэтгэлээ гаргаж буйгаа илэрхийлэн гараараа дохиод,
- Давгүй ээ, хөө.' Ингэхэд та ч шинэ хүн шүү дээ гэв.
Гучин минутын дараа байцаагч Макс Хорнунг шинэчлэн бичсэн тайлангаа авчирч өгвөл түрүүчийн зардлаа гурван хувиар хорогдуулчихсан иржээ.
Арван нэгэн сарын энэ өдөр ахлах байцаагч Шмит байцаагч Макс Хорнунгийн тайланг уншиж, тайлагнагч эр түүний өмнө номхон зогсоно. Мань эр тод цэнхэр өнгийн костюм, хүрэн ботинк цагаан оймс өмсжээ. Аль байдгаараа тайван байхыг чармайх байцаагч Шмит түүнийг хэмх дэвсэлчихгүй гэхдээ иогийн амьсгалын дасгал хийнэ.
- Ослын тухай мэдэгдэхэд та постдоо байсан уу? гэж хашгираад, - Таны үүрэг бол нэн даруй ослын газар мөрдлөг явуулах ёстой байсан, гэтэл та тийшээ арван дөрвөн цагийн дараа очиж! Энэ хугацаанд тань шинэ Зеландын цагдаагийн газраас мөрдөгч нисч ирчхээд, буцаад явчхаж чадах байж дээ!
- Үгүй ээ, ноён ахлах байцаагч аа. Шинэ Зеландаас Цюрих хүртэл тийрэлтэт онгоцоор ирэхэд...
- Дуугаа тат.
Ахлах байцаагч Шмит бууралтаж яваа өтгөн үсээ илээд цаашид хэрхэхээ эс мэднэ. Байцаагч Макс Хорнунгийн басамжилсан, ухаалаг баримт цуурай мэт чихэнд нь хангинана. Энэ ч ёстой аз нь шовойж, тэнгэрийн од атгасан дүүрчихсэн мангуу амьтан юм даа.
- Хорнунг аа, миний хариуцсан хэлтэст- дур зоргоороо аашлахыг би тэвчишгүй нь. Бусад байцаагч нар жижүүр хүлээн аваад, таны тайланг үзмэгц хэргийн газар руу очин, “түргэн тусламж” дуудаж, цогцсыг хүүр хадгалах байшин руу явуулж, таниулах ажлыг гүйцэтгэсэн байна гээд тэр гэнэт хурдан хэллэг хэлж буй мэт дуржигнуулж байгаагаа мэдэн, биеэ барьж тайвшрахыг оролдоод,
- Товчхондоо хэлэхэд ердийн мөрдөгчийн хийх ёстой бүхнийг тэд хийсэн. Гэтэл Хорнунг та тэр үеэр өрөөндөө суучхаад Швейцарын ихэмсэг ноёдын бараг талыг нь шахуу халуун хөнжлөөс нь хуу татаж босгосон байна
- Би бодохдоо.
- Боллоо! Танаас болж би өглөөжингөө уучлал гуйх гэж утасны дэргэд суулаа.
- Гэхдээ би учрыг нь олох...
- Гүйцээ больё ! Эндээс зайл!
- Мэдлээ, ноён ахлах байцаагч аа. Би оршуулганд явж болох уу? Өнөө өглөө оршуулах ёслол үйлдэнэ.
- Болноо? Та явж болно!
- Баярлалаа. Би. ..
- Алив та яваад өгөөч!
Байцаагч Хорнунгийг явснаас хойш гучин минутын дараа л ахлах байцаагч Шмит амьсгал нь хэвэндээ орж уужрав.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 10:18 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 32.

Зилфилдийн оршуулгын танхим пиг дүүрчээ. Чулуу, гантигаар хийсэн эртний бүдүүлэг хийцтэй энэ байранд талийгаачийг оршуулах, хүүр шатаах газар цуг байрлах ажээ. Том бунхны нүүрний эгнээний сандлыг "Рофф ба хөвгүүд” фирмийн хориод албан хаагчид эзлэн сууцгаана. Тэднээс хойхнуур арын эгнээг найз нөхөд, шашны төлөөлөгчид, хэвлэлийнхэн эзэлжээ. Байцаагч Хорнунг хамгийн арын эгнээнд ертөнцийн мөнх бус, авцалдаагүй үхлийн тухай бодон сууна. Өөрийн шилдэг туршлагаа жинхэнэ номоор нь таниулж амжаагүй байтал үүр цайхыг үзэж чадалгүй нэгэн хүн амь үрэгджээ.
Авсыг улаан модоор хийн, цэцэгсээр өвч бүрснийг харсан Хорнунг байцаагч бас л нэг үргүй зардал гаргаж дээ хэмээн бодон суулаа. Авсны тагийг яагаад хаалттай байгаагийн учрыг тэр сайн мэднэ. Гэгээнтний гашуудалтай дуу дүнгэнэн,
- ... орь залуу насандаа... мөнх бусыг...
Макс Хорнунг бунхны дэргэд суух хүнийг ажиглан гэгээнтний айлдварыг чагнан суулаа.
- Бурхан түүнийг заяаж, Бурхан буцаагаад...
Хойтын буян үйлдэх ажиллагаа өндөрлөж, цугласан хүмүүс суудлаасаа босоцгоон гарах хаалгыг чиглэцгээв.
Макс орох хаалганы дэргэд зогсон байснаа ойртон ирэх эр, эм хоёрын замыг хаагаад,
- Элизабет Рофф авхай юу? Би тантай уулзаж болохсон болов уу? гэлээ.
Байцаагч Макс Хорнунг, Элизабет Рофф, Рис Уильямз гурав оршуулгын товчооны эсрэг талд байрлах “Кондиторе”-ын бяцхан тасалгаанд сууж байв.
Тэд цонхоор авсны саарал тавиураар талийгаачийн цогцсыг зөөж явахыг хараад Элизабет нүүр буруулан нүдийг нь нулимс бүрхэн уйтгар, айдас тодорлоо.
- Юу болоо вэ? гэж Рис эгдүүцээд, - Рофф авхай цагдаагийн газарт хэдийн мэдүүлэг өгсөн шүү дээ гэхэд,
- Та ноён Уильямз уу? гэж Макс Хорнунг асуугаад,
- Надад тодруулах бага сага юм байна? гэхэд нь Рис,
- Тэд нар хүлээж чадахгүй нь үү? Рофф авхай сэхээ авч...
Элизабет түүнийг зогсоогоод,
- Зүгээр ээ, Рис. Хэрэв зээ би үнэхээр тус болох л юм бол гээд Макс руу эргэн, - Байцаагч Хорнунг та юу тодруулах гэсэн юм бэ? гэв.
Элизабетыг ширтэн байх Макс, анх удаагаа юунаас эхлэхээ эс мэдэн алмайрч орхилоо. Максын хувьд эмэгтэй хүн гэдэг харь гаригийн хүн мэт санагддаг аж. Тэднийг өөрийн компьютерээр тооцоолж танина гэдэг тун бэрх. Гэтэл Макс Элизабетын дэргэд ер бусын таатай байгаагаа мэдэрч, үүндээ нэлээдгүй самгарджээ. Эмэгтэй хүмүүс түүнд ингэж нөлөөлж байсан нь огт үгүй. Элизабет түүнийг бусад хүүхнүүдийн адил инээд хүрмээр хийморьгүй амьтан хэмээн бодохгүй байх шиг санагдана. Тэрээр анхаарлаа төвлөрүүлэхээр бүсгүйгээс харц салган байж,
- Рофф авхай, та үргэлж шөнө орой болтол сууж ажилладаг уу?
- Тийм ээ. Үргэлж шүү хэмээн Элизабет хариулав.
- Хэдий хүртэл суудаг вэ?
- Танд юу гэж хэлмээр юм бэ дээ ... 3аримдаа арав, заримдаа бүр шөнө дунд хүртэл түүнээс орой болтол ч суучихдаг.
- Өөрөөр хэлбэл, заншил болчихсон юм шив. Тэгэхээр таны ойр тойрны хүмүүс үүнийг тань мэддэг гэсэн үг үү?
Бүсгүй түүн тийш янзыг нь үзсэн харцаар хараад,
- Тийм гэж бодож байна гэсэнд,
- Осол гардаг тэр шөнө ноён Уильямз та Кэйт Эрлинг, Элизабет Роффтой хамт орой болтол ажилласан уу? гэв.
- Тийм ээ.
- Гэхдээ ганцаараа гарч явсан биз дээ?
- Би түрүүлж явсан. Болзоотой байсан юм.
Макс түүнийг анх удаагаа эгцлэн харснаа Элизабет тийш харц шилжүүлэн, - Ноён Рис Уильямзыг явснаас хойш та хэр удаан ажилласан бэ?
- Цаг орчим болсон гэж бодож байна.
- Та Кэйт Эрлингтэй хамт гарсан уу?
- Тийм ээ. Бид хувцаслаад, хамтдаа гудам руу гарсан гээд Элизабетын хоолой чичгэнэснээ,
- Лифт хэдийн ирчихсэн байсан гэв.
Хувийн экспресс-ерөнхийлөгчийн цахилгаан шат.
- Дараа нь яасан бэ?
- Бид хоёул цахилгаан шатанд орсон. Гэтэл гэнэт хүлээлгийн өрөөнд утас дуугарч Кэйт Эрлинг “Би харилцуур авъя” гээд цахилгаан шатнаас буусан, гэхдээ би олон улсын ярианы захиалга өгчихсөн байсан тул би өөрөө харилцуур авъя гэж хэлсэн гээд Элизабетын нүд нулимсаар дүүрэн, - Би цахилгаан шатнаас гартал, тэр “Таныг хүлээх үү?” гэж асуухад нь би: “Үгүй, явж бай” гэсэн. Тэр товчлуурыг дарж, би хүлээх өрөө рүү орохоор үүд онгойлготол хашгирах дуу гарч, дараа нь ... гээд Элизабет цааш нь үргэлжлүүлж чадсангүй.
Рис нүдээ ууртайгаар гялалзуулан, Макс Хорнунг руу эргэн,
- Боллоо! Энэ танд ер нь ямар хэрэгтэйг та хэлээд өгөхгүй юу? гэлээ.
Макс: Алуурчийг илрүүлэхэд хэрэгтэй хэмээн дотроо бодов. Учир нь эндээс гэмт хэргийн үнэр ханхалж байна. Макс сүүлийн 48 цагийн дотор “Рофф ба хөвгүүд”- ийн тухай олж илрүүлснээ эргэн саналаа. Концерн бөөн бөөн таагүй явдалд шигдчихсэн, шүүхийн үй олон заргад шимтгэл төлж, хэвлэл мэдээллийн бай болон үйлчлүүлэгчдээ алдан, банканд асар их өртэй тэд нар өр нэхэн шаардаж буй гэдгийг мэдэж авчээ. Концернын, хяналтын акцыг эзэмшигч ерөнхийлөгч Сэм Роффын туршлагатай уулчин байж байгаад ууланд авирч яваад золгүй тохиолдлоор нас нөгчсөнийг нь, эцгээсээ хойш хяналтын акц Сардинийн уулын замд гарсан осол, мөн цахилгаан шатны ослоос
гайхамшигтайгаар амь гарсан охин Элизабетын мэдэлд шилжсэнийг ч мэджээ. Энэ бүхэнд хэн нэгний хорон санаа шингэсэн нь илт.
Байцаагч Макс Хорнунгийг аз тохиож, мань эр нэгэн учгийн үзүүрээс атгах нь тэр. Гэтэл Макс Элизабеттай нүүр тулан уулзсанаас хойш хэлж боломгүй ямар нэгэн хүч түүнийг бүсгүйд улам ихээр татах болов. Тэрээр бүсгүйг заналхийлж буй аюулаас нь хамгаалах ёстой гэдгээ мэдэрчээ.
- Би танаас асууж байна, энэ та ямар хэрэгтэй ... гэж Рисийг эгдүүцвэл Макс түүнийг хараад юу ч үл ойлгогдом амандаа нэгийг бувтнаснаа,
- М- м- м- мм протоколд хэрэгтэй юм л даа, ноён Уильямз аа. Ердийн л нэг протокол бичих ёс журам л даа гээд суудлаасаа босон, - Өршөөгөөрэй, би яарч байна гэлээ.
Түүний яаралтай ажил хүлээж байлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 10:19 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 33.

Ахлах байцаагч Шмитийн өглөө хэрэг явдлаар дүүрэн, төвөгтэйхэн эхэллээ. “Иберия Эйр лайнз”-ын агентлагийн орчим улс төрийн жагсаал болж гурван хүнийг баривчилжээ. Цаасны үйлдвэрт учир битүүлэг гал гарч, мөрдлөг явагдаж байна. Платцтитц цэцэрлэгт хүрээлэнд нэгэн бүсгүйг хүчиндсэн, “Буаро- лак”-н ойролцоох “Губелин”, “Грим”-д эвдлэн сүйтгэсэн хулгайн хэрэг гарчээ. Ядахад яр гэгчээр байцаагч Макс Хорнунг утга учиргүй, тэнэг онолоо ярихаар орж иржээ. Ахлах байцаагч Шмит гүнзгий амьсгаа аваад, алгуурхан гэгч гаргав.
- Кабелын шугам гэмтэж, хамгаалалтын хэрэгслүүд жагсаалаас гарсан байна. Хэн нэгэн...
- Хорнунг аа би тайланг уншсан шүү. Ердийн л нэг материалын элэгдэл байна лээ.
- Арай ч үгүй байлгүй дээ, ахлах байцаагч аа. Би кабелын шугамын техникийн паспортыг шалгасан юм. Баталгаа нь таван жилийн дараа дуусах юм билээ.
Ахлах байцаагч Шмит хацар нь татваганаад ирэхийг мэдэрлээ.
- Та үүгээрээ юу хэлэх гээд байна вэ?
- Хэн нэг нь цахилгаан шатыг эвдсэн байна.
“Надад хэн нэг нь цахилгаан шатыг эвдсэн юм шиг санагдаж байна”, эсвэл “Миний бодлоор хэн нэгэн цахилгаан шатыг эвдсэн байна” гэж арай л зөөлнөөр хэлсэнгүй, харин: “Хэн нэг нь цахилгаан шатыг эвдсэн байна” гэж хатуухан хэлж байх чинь.
- Таны таамаглалаар энэ нь “хэнд” хэрэгтэй гэж?
- Эрхэм таныг зөвшөөрвөл би үүнийг илрүүлэхийг хүсч байна.
- Та дахиад “Рофф ба хөвгүүд” рүү очих гээ юу?
Макс Хорнунг Шмитыг үнэн голоосоо тээнэгэлзсэн харцаар хараад,
- Би Шамон явах гэсэн юм.
Шамон хот Женевээс зүүн өмнөд зүгт дөчин милийн тэртээ далайн төвшнөөс 3400 футийн өндөрт Францын Дээд Савойя мужид, Монблан болон Улаан оргил уулуудын хөвчид орших агаад энэ нь дэлхийд шагшигдсан үзэсгэлэнтэй газар ажээ.
Макс Хорнунг Шамонын галт тэрэгний буудлын тавцан дээр хуурамч арьсаар хийсэн элэгдэж хуучирсан жижигхэн чемодан барин бууж ирэхдээ эргэн тойрны үзэсгэлэнтэй сайхныг эс хайхран таксийн зогсоолын дэргэдүүр өнгөрөн хотын төв талбайд байрлах цагдаагийн хэсгийн байр руу алхлаа. Макс цагдаагийн газрын босгыг нь алхан ормогц төрсөн гэртээ орох мэт мэдрэмж төрөв.
Ширээний ард суух Францын дэслэгч мань эрийг харав.
- Esi...
- Oui хэмээн Макс инээмсэглээд буруу зөрүү, хальт мулт ярьж эхэлтэл жижүүрийн дэслэгчийн царайд үл ойлгосноо эелдгээр илтгэх байдал улам улам тодорно.
Жижүүрийн дэслэгч тэсвэр алдран, Максыг утга учиргүй чалчихыг нь таслан,
- Та надад юу хэлэх гээд оролдоод байгаа юм бэ? гэв.
- “Юу” гэдэг чинь юу гэсэн үг вэ? хэмээн үл ойлгосон Макс, - Би тантай франц хэлээр яриад байна шүү! гэж унтууцав.
Жижүүрийн дэслэгч, үл ялиг урагш тонгойн амгалан тайван янзаар,
- Та одоо ч бас францаар яриад байна уу? гэж асуув.
Энэ мануухай чинь төрөлх хэлээ ойлгодоггүй новш шив гэж Макс эгдүүцэн бодоод үнэмлэхээ гарган дэслэгчид өглөө. Дэслэгч эр үнэмлэхийг хоёр дахин уншсанаа Макс тийш нэг харснаа дахин нэг уншив. Өмнө нь зогсож байгаа арчаагүй жижигхэн энэ эр цагдаагийн газрын байцаагч гэхэд тун ч итгэмээргүй байлаа.
Дэслэгч үнэмлэхийг дургүй янзтай эргүүлэн өгөөд,
- Танд юугаар тус болох вэ? гэлээ.
- Би хоёр сарын өмнө болсон золгүй явдлыг мөрдөж байна. Хохирогчийн нэрийг Сэм Рофф гэдэг.
Дэслэгч толгой дохин,
- Тийм ээ, санаж байна гэв.
- Би энэ хэргийн тухай тодорхой мэдэх хэн нэгэнтэй уулзах гэсэн юм.
- Тэгвэл та Монбланы талбай гэсэн хаягаар Шамонын уулын аврагчдын нийгэмлэгт хандсан нь дээр юм байна. Утасны дугаар нь: 5-3-0-1-8-2. Түр хүлээгээрэй, би танд бүгдийг нь бичээд өгье гээд тэрээр үзэг авахаар гараа сунгав.
- Баярлалаа, би бүгдийг нь тогтоочихлоо. Монбланы талбай. Шамоны уулын аврагчдын нийгэмлэг 5-3-0-6-8-9. Өөрөөр хэлбэл дю Вале гудамжны эмнэлэг, 5-3-0-1-8-2.
Макс хэдийнээ хаалгаар гарч явсны хойно ч дэслэгч түүний араас харсаар суув.
Шамонын уулын аврагчдын нийгэмлэгийн эрхлэгч болох чийрэг биетэй залуу эр, нарс модон ширээний ард суугаад өрөөнд нь орж ирэх Максыг хараад, энэ хачин эр арай ууланд авиръя гэж гуйхаар ирж байгаа юм биш биз дээ гэсэн бодол толгойд нь гэнэт харван орж ирэв.
- Танд юугаар туслах вэ?
- Байцаагч Макс Хорнунг гээд Макс үнэмлэхээ гарган үзүүлэв.
- Танд юугаар туслах вэ?
- Би Сэм Рофф гэдэг хүний үхлийн шалтгааныг мөрдөж байна гэж Макс өгүүлэв.
Залуу эр хүндээр санаа алдаад,
- Сайн уулчин байсан юм. Би түүнийг их хүндэтгэдэг. Тун харамсалтай явдал болсон доо гэв.
- Энэ явдал хэрхэн болсныг та харсан уу?
- Тэд дөрвүүлээ холбоотой байсан. Хамгийн сүүлд нь газарч, ноён Рофф хоёр явж байсан юм. Миний мэдэж байгаагаар мөсөн хурдаст тас татагдаж ноён Рофф хальтчиж унасан.
- Түүнд хамгаалалтын олс байгаагүй юм уу?
- Мэдээжийн хэрэг байлгүй яахав. Гэвч тэр нь тасарсан.
- Ийм явдал урьд нь тохиолдож байсан уу?
- Анх удаа л тохиолдож байна гэж хэлснээ нэгийг санав бололтой, - Туршлагатай уулчид авирахын өмнө өөрийн хэрэгслээ нягтлан шалгадаг, тэдний хэн нь ч золгүй тохиолдоос даатгуулдаггүй юм.
Макс хэсэг дуугүй байснаа,
- Би газарчинтай уулзахыг хүсч байна гэв.
- Тэр өдөр голдуу ноён Роффтой хамт явдаг газарч яваагүй.
Макс нүдээ цавчлан,
- Тийм үү? Яагаад тэр вэ? гэсэнд,
- Тэр өвчтэй байсан. Түүний оронд өөр газарч явсан гэв.
- Золоор нэрийг нь санахгүй биз?
- Түр хүлээгээрэй, одоохон хараадхая гээд залуу эр гүйн хананы цаагуур далд орсноо удалгүй гартаа цаас барьсаар эргэн ирж, - Газарчийн нэр Ганс Бергман гэнэ хэмээв.
- Түүнийг яаж олох вэ?
- Эндхийн хүн биш ээ гээд франц эр цаасаа ширтээд,
- Тэр Лесге тосгоноос ирсэн аж. Эндээс арваад км-ийн зайтай газар гэлээ.
Макс Шамоноос явахын өмнөхөн “Кляйне Шайдегг” зочид буудлын бүртгэгчтэй уулзав.
- Ноён Роффыг энд буусан тэр өдөр та жижүүртэй байсан уу?
- Тиймээ ийм аз нь харьсан юм гэж байдаг аа.
- Ноён Рофф ганцаараа байсан уу?
- Үгүй түүнтэй хамт бас нэг хүн байсан.
Макс гайхан хөмсөг зангидаад, - Бас нэг хүн гэнээ?
- Тийм ээ, ноён Рофф хоёр өрөө нөөцөлж байсан.
- Би тэр хүний нэрийг мэдэж болох уу?
- Бололгүй яахав гээд үйлчлэгч зузаан дэвтэр гаргаж ирээд хуудсыг нь эргүүлж эхлэв. Нэгэн хуудас дээр зогсон дээрээс нь доош хуруугаа гүйлгэн байснаа,
- Өө, энэ байна...
Гурван цагийн дараа Макс хамгийн хямд “вольксваген” машин түрээсээр аван цөөн хэдэн дэлгүүр, багахан шиг хэдэн байшин, цорын ганц их дэлгүүр, урдхан талд нь байх бензин түгээгүүр бүхий Лесге тосгонд хүрч ирлээ.
Макс машинаа нэгэн байшингийн өмнөх зогсоолд тавиад дотогш оров. Ханан зуухны өмнө нам дуугаар ярилцан суусан хэдэн эрчүүд Максыг орж очмогц нам жим боллоо.
- Зөвшөөрөлгүй орж ирснийг минь өршөөгөөрэй, би Ганс Бергман гэдэг хүнийг хайж байна.
- Хэнийг ээ?
- Ганс Бергман. Газарчийг. Тэр эндхийнх гэсэн.
Өнгөрсөн амьдралынх нь дүр зураг нүүрэнд нь илт тодрох ахимаг насны эр гал руу нулимаад,
- Эрхэм ээ хэн нэгэн таныг хуурч дөнгөж дээ. Би Лесгед төрсөн хүн. Ганс Бергман нэртэй залуугийн тухай огт сонсоогүй юм байна гэх нь тэр.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 12:47 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
өө хамгийн сонирхолтой дээрээ дуусчихийн, энэ Макс харин зөв газраасаа мөрдлөгөө эхлэх шиг боллоо доо, санамсаргүй гэхэд арай л олон байна гэж хэлээгүй юу,газарч лав хуурамч байж...баярлалаа , дараагийн бүлгийг хүлээж байя даа


Top
   
PostPosted: Feb.17.16 3:56 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 34.

Кэйт Эрлингийг нас барснаас хойш долоо хоногийн дараа Элизабет ажилдаа эргэн оржээ. Чичрэн дагжих бүсгүй хамгаалагчийн мэндийн хариуд өөрийн мэдэлгүй зөнгөөрөө хариулан толгой дохив. Үүдний танхимын тэртээ буланд цахилгаан шатны бүхээгчийг солин засчээ. Элизабет давхар давхраар доошлон эрчтэй унан, үхэл рүүгээ гарцаагүй ойртон яваагаа мэдэж байсан хөөрхий Кэйт Эрлингийг бодоод давхийн цочив. Бүсгүй дахин хэзээ ч энэ цахилгаан шатны бүхээгт орж чадахгүй.
Түүнийг өрөөндөө ороход хоёрдугаар нарийн бичгийн дарга Генриеттагийн нямбайлан задалж эмхэлсэн багц шуудан ширээн дээр нь хүлээж байлаа. Элизабет бичиг цаасаа хурдан гэгч нь цэгцлэн, зарим нэг илтгэх хуудсанд гарын үсэг зуран, зарим нэг бичгийн зах дээр асуулт тавьж, үлдсэн хэсгийг нь илгээх ёстой удирдах газрын нэрийг бичин тэмдэглэв. Багц захидлын хамгийн дор “Элизабет Роффын гарт” хэмээн хаягласан нэгэн том дугтуй байлаа. Элизабет дугтуйг нямбайлан задалбал дотроос нь 8x10 хэмжээтэй гэрэл зураг гарч ирлээ. Монголжуу царайтай, тархины саажилттай хүү өмнөөс нь бүлтгэр нүдээрээ ширтэнэ. “Энэ миний хөөрхөн хүү Жон. Танай эм хүүг минь ийм болгож орхилоо. Би танаас хариугаа заавал ч үгүй авна даа” том үсгээр бичсэн зурвас наажээ.
Цочирдсон бүсгүй зурвас, зураг хоёрыг алдан унагаагаад, гар нь салганан чичирч байгаагаа анзаарав. Энэ үед Генриетта бас нэг багц цаас барьсаар орж ирээд,
- Яаралтай гарын үсэг зурах хэрэгтэй байна, авхай... гээд Элизабетын царайг ширтэн, - Ямар нэг юм болоо юу, Рофф авхай? хэмээн асуухад нь Элизабет,
- Ноён Рис Уильямзыг наашаа хүрээд ир гээ хэмээн шулганав. Бүсгүй нөгөө зургийг нүд гүйлгэн ширээн дээгүүрээ хайв. Байж боломгүй хэрэг, “Рофф ба хөвгүүд” үүнд буруутай байх ёсгүй дээ.
- Тийм ээ бидний буруу гэж Рис өгүүлээд, - Ямар нэгэн замаар нэг хэсэг эм буруу шошго хадагдсан байсан. Бид нар ихэнх хэсгийг нь эмийн сангуудаас хураан авч чадсан, гэвч ... гэж тэрээр өчив.
- Энэ явдал хэзээ болсон юм бэ?
- Бараг дөрвөн жилийн өмнө.
- Хичнээн хүн хохирсон бэ?
- Зуу орчим гээд Рис бүсгүйн царайг ажигласнаа хурдан гэгч үргэлжлүүлэн, - Концерн тэд бүгдэд нөхөн төлөөс олгосон. Лиз аа, тэд нар бүгд энэ зурган дээрх шиг болчхоогүй байсан. Бид болгоомжлох бүх л арга хэмжээг авч байгаа ч гэсэн, хүн гэдэг чинь хүн юм байна шүү, хэн ч алдаж эндүүрэхээс сэрэмжилж чадахгүй юм.
Элизабет дахиад зурган дээрх хүүг харлаа.
- Аймшигтай юм.
- Чамд энэ захиаг үзүүлэх хэрэггүй байсан юм гээд тэрээр өтгөн үсээ хойш нь илснээ, - Ялангуяа ийм хэцүү үед шүү. Үүнээс илүү чухал асуудал байна.
Бүсгүй: “Үүнээс илүү чухал юу байх вэ?” гэж бодоод,
- Ямар асуудал байна вэ? хэмээн асуув.
- Холбооны прокурор манай аэрозолын талаар татгалзсан хариу авчирсан. Хоёр жилийн турш түүнийг үйлдвэрлэхэд хориг тавьж байна.
- Энэ бидэнд ямар хохирол удаж байна вэ?
- Нэлээн дориун. Бид нэлээд хэдэн оронд байгаа хэд хэдэн үйлдвэрийг хааж, хамгийн орлоготой салбараа алдах нь.
Элизабет Эмиль Жипли, түүний ажиллаж буй нөгөө залуужуулах бэлдмэлийн тухай бодов.
- Өөр юу байна?
- Чи өглөөний сонин үзэв үү?
- Үгүй.
- Бельгийн элчин сайдын эхнэр, ван ден Лог хатагтай бенексан уужээ.
- Энэ манай эм үү?
- Тийм ээ. Антигистамины бүлгийнх. Тэр даралт ихтэй хүмүүст хориотой байдаг. Үүнийг шошгон дээр тодорхой заасан байгаа. Гэтэл хатагтай зааврыг нь анзаарсангүй.
Элизабет хамаг бие нь зарсхийн хүйт даагаад ирэхийг мэдэрч,
- Тэр яасан бэ?
- Хатагтай комын байдалтай байгаа, амь гарна гэхэд тун найдваргүй. Сонингийнхон энэ эмийг манайх хийсэн гэж зарлаж байна. Тал бүрээс уг эмийг нийлүүлэхийг татгалзах болсон. Харин Холбооны прокурор энэ тухай эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол авчирсан, мөрдөн байцаалт дор хаяж бүтэн жил үргэлжилнэ. Тэднийг мөрдлөг явуулж байх зуур бид энэ эмээ гаргасаар байх болно.
- Би түүний үйлдвэрлэхийг даруй зогсоомоор байна ... гэж Элизабет хэлэв.
- Яалаа гэж тэр вэ? Энэ чинь үр ашигтай ...
- Өөр хохирогч бий юу?
- Хэдэн мянган хүнд тус болж байгаа шүү дээ гэх Рисийн дуу хүйтэн сонсогдож, - Энэ манай хамгийн үр ашигтай эмүүдийн ...
- Чи миний асуултанд хариулсангүй.
- Миний санаж байгаагаар, ганц хоёр тохиолдол. Гэхдээ...
- Дахин хэлье. Үйлдвэрлэхээ зогсоо. Даруйхан!
Рис уураа арай ядан барьж, - За яахав. Харин чи, энэ нь концернд ямар их алдагдалтай болохыг мэдэхийг хүсэж байна уу? гэв.
- Үгүй гэж Элизабет хариулав.
- За яахав. Тэгье л дээ гээд Рис толгой дохин, - Гэхдээ энэ чинь дөнгөж эхлэл. Банкныхан чамтай даруй уулзаж мөнгөө авцгаах гэнэ лээ хэмээв.
Элизабет өрөөндөө ганцаар үлдээд “Рофф ба хөвгүүд” - ийн худалдсан эмийг хэрэглэснээс ухаангүй хэвтэж буй хүү, түүний эхийнх нь тухай бодлоо. Ийм тохиолдолд эмийн фирм даатгал үгүй байдгийг бүсгүй сайн мэднэ. Өдөр бүр сонингийн хуудаснаа ийм явдлын тухай өгүүлэл, нийтлэл олонтаа гардаг байсан ба энэ удаад Элизабет биеэрээ амсах нь тэр. Удирдлагуудтай уулзан, өвчтөнүүдийг дур мэдэн эм уухаас дээд зэргээр сэрэмжлүүлэх арга хэмжээг авах талаар ярилцах хэрэгтэй байлаа.
“Энэ миний хөөрхөн хүү Жон. Танай эм хүүг минь ийм болгож орхилоо. Би танаас хариугаа заавал ч үгүй авна даа”.
Хатагтай ван ден Лог бенексан уужээ.
Баниныхан чамтай даруй уулзаж мөнгөө авцгаах гэнэ лээ.

Хорвоо дэлхий агшин зуурын төдийд хавчин, газарт наалдуулан дараад авах шиг болон бүсгүйн амьсгаа давчдан энэ л бүх хугацааны туршид анх удаа ойртож буй зовлонгоос ангижирч чадах болов уу гэсэн эргэлзээ төрөв. Түүнд үзүүлэх дарамт өдрөөс өдөрт бүр ч хэцүү болох нь. Бүсгүй сандалтайгаа эргэн ар талд нь өлгөөтэй байх хуланц эцэг Сэмюэлийн зураг тийш харахад тэрээр туйлын тайван, өөрийн хүчиндээ итгэсэн үзэгдэнэ. Гэхдээ л түүн эргэлзэх үе, азгүй тохиолдол, цөхрөнгөө барах үе гарч байсан даа. Гэсэн хэдий ч тэр гарах арга чарга, эрч хүч олж байсан, Элизабет ч гэсэн олж л таараа. Тэр чинь түүн шиг л Рофф шүү дээ.
Бүсгүй гэнэт хөрөг үл ялиг хазайсныг анзаарчээ. Цахилгаан шатны бүхээг унаснаас хамаг барилга тэр аяар доргисон нь илт. Тэрээр зургийг тэгшлэхээр босон гар хүрэв үү үгүй юу, өлгөж байсан дэгээ нь мулт үсрэн, зураг шалан дээр нирхийн уналаа. Элизабет түүнийг харсан ч үгүй, хоёр нүдээ бүлтийлгэн өлгөөтэй байсан ханыг ширтэн зогсов. Хананд өчүүхэн жижигхэн нууц микрофоныг шархны лентээр наан тогтоосон байхыг харжээ.
Шөнийн 4 цаг болж байхад Эмиль Жипли ажлаа хийсээр сууж байгаа нь сүүлийн үед бүр дадал болжээ. Элизабет Рофф хэдийгээр ажлыг нь дуусгах хугацаа товлож өгөөгүй ч гэсэн мань эр түүний ажлын үр дүн концернын хувьд ямар их чухал болохыг ойлгон, аль болохоор хурдан дуусгахаар чармайх болов. “Рофф ба хөвгүүд”-ийн тухай сэтгэл түгшим сураг түүний чихийг дэлсээдэхсэн ажээ. Өндөр цалин хүртдэг, хамгийн гол нь санааны зоргоороо туршилт хийн туйлын чөлөөтэй ажилладаг тэрээр концернд ихээхэн өртэй гэж санаж явдаг аж. Эмиль Сэм Роффыг ихэд хүндэтгэн үздэг байсан агаад түүний охин Элизабет ч гэсэн түүнд их л таалагджээ. Шөнө дөл болтол ажиллаж байгаагийнх нь буруутан өөрөө болохыг Элизабет Рофф бүсгүй хэзээ ч мэдэхгүй. Жипли доош тонгойн сүүлийн туршилтын үр дүнгээ шалгаж суулаа. Үр дүн ч түүний санаснаас хавьгүй илүү байв. Гүн бодолд автсан тэрээр ширээний дэргэд мэлрэн, шөнийн хэтрүү чийглэг агаарт өмхий үнэртэхийг эс анзаарна. Хаалга онгойн хамгаалагч Сепп Нолан орж ирлээ. Нолан шөнийн ээлжинд ажиллахад яснаасаа дургүй тул түүнийг туршилтынхаа лабораторид байхад нь дургүй нь хүрдэг ажээ. Ялангуяа түүний торон дахь туршилтын амьтдын үнэр танар түүний эгдүүцлийг бүр ч ихээр хүргэнэ. Хамгаалагч эр туршилтанд үрэгдсэн амьтдын сүнс, энэ өрөөнөөс хэзээ ч холддоггүй гэдэгт ер эргэлздэггүй аж.
Жипли түүн тийш гайхсан харцаар ширтэх нь түүний орж ирэхийг дөнгөж анзаарав бололтой.
- Юу гээв?
- Хэрэв та дахиад жаахан суух санаатай байгаа бол би танд сендвич, эсвэл юу ч юм идэх юм авчирч өгьюү гэсэн юм. Би буфет орж жаахан юм идчихээд ирье?
- Төвөг болохгүй бол кофе авчирч өгөөч хэмээн Жипли хэлээд хүснэгт, тооцоо руугаа эргэв.
- Тэгвэл хаалгыг гаднаас нь түгжчихье. Би удахгүй ээ гэж Нолан өгүүлэв.
Гэвч Жипли түүний хэлснийг сонссонгүй. Арван минутын дараа лабораторийн хаалга дахин онгойн хэн нэгний,
- Удахгүй үүр цайх нь, та ажилласаар байна уу, Жипли? гэх дуу сонсогдов.
Жипли ийн увайгүй асуун орж ирэх хүнийг харлаа. Тэрээр хэн болохыг хармагц сандран суудлаасаа огло харайн босч,
- Тийм ээ, ээ халаг гэж, цаг ийм хурдан өнгөрснийг анзаарсангүй гэлээ.
Энэ хүн өөрийн биеэр лабораторид нь хүрч ирэн ажлынх нь тухай асууж байгаадаа бах нь ханажээ.
- “Залуу болгох" нууц ажил дээр ажилласаар байна уу, аан?
Эмиль бага зэрэг самгардлаа. Рофф авхай түүнд энэ тухай хэнтэй ч ярилцахгүй байх ёстой гэдгийг нь сайтар ойлгуулсансан. Гэвч энэ ирсэн хүнд бүсгүйн үг огтхон ч хамаарахгүй. Чухамдаа энэ эрхэм Жиплийн гараас нь хөтлөн, концернд оруулсан тул Эмиль Жипли инээмсэглэн,
- Энэ маш нууцаа гэв.
- Сайн байна. Нууц чигээрээ үлдэг. Ажил ямар байна даа?
- Гайхалтай.
Ирсэн хүн тортой туулай бүхий цонх руу очлоо. Эмиль Жипли түүнээс,
- Танд ямар нэгэн тайлбар хэрэгтэй юу? гэж асуув.
Ирсэн хүн инээмсэглээд,
- Үгүй, хэрэггүй, Эмиль ээ. Ажлын дүн тоймыг нь би мэдэж байгаа гээд тэрээр торноос холдох зуур тавиур дээр байсан хоосон идүүрийг тохойгоороо ёврон пижгэнүүлэн газар унагав. - Ээ тэнгэр минь гэж, өршөөгөөрэй.
- Санаа бүү зов, би авчихъя!
Жипли дөнгөж тонгоймогц ар дагзанд нь бөмбөг тэсрэн хамаг цусыг нь юүлчих шиг болж юу юугүй лабораторийн шал тэврэн унаж байгаагаа мэджээ.
Элизабетыг утасны цөхрөлтгүй хангинах дуу сэрээв. Нойрноосоо бүрэн сэргээгүй бүсгүй орон дээр өндийн суугаад шөнийн ширээн дээрх цаг руу харлаа. Өглөөний таван цаг. Бүсгүй тэмтэчсээр харилцуур авлаа. Хөөрөн хашгирах дуу чихэнд нь хадан,
- Рофф авхай юу? Жижүүрийн хамгаалагч ярьж байна.
Лабораториудын нэгэнд дэлбэрэлт гарлаа. Лаборатори тэр чигээрээ сүйдсэн гэв.
Нойр нь сэвхийх шиг болсноо оргүй арилан алга боллоо.
- Хохирсон хүн бий юу?
- Байгаа авхай. Эрдэм шинжилгээний нэг ажилтан амь үрэгдсэн.
Түүний нэрийг асуухын ч хэрэг байсангүй. Хэн болохыг нь Элизабет мэдэж байлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 3:58 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 35.

Товчоон дээр бичгийн машин тасралтгүй тачигнан, хүмүүсийн маргалдах чангаар хашгичих, утас зогсоо зайгүй хангинах авч байцаагч Хорнунг эл бүгдийг эс анзааран, цахим тооцоолуур мэт нэг л юманд анхаарлаа төвлөрүүлэн гүн бодолд автан сууна. Хөгшин Сэмюэлийн гаргасан “Рофф ба хөвгүүд’’- ийн гэр бүлийн гишүүдээс өөр хэн ч түүнийг хянахгүй гэсэн баримт бичиг түүний бодлыг эзэмдэнэ. Ухаалаг л хэрэг, гэхдээ дэндүү их хор уршиг тарих аюултай аж. Энэ бүхэн Хорнунгад гэрээнд оролцогч болгон банкны хувийн татварыг эн тэнцүү хүртэж, хэн нэг нь таалал төгсвөл түүний татварыг бусад нь өв залгамжлагчид нь яг л “Рофф ба хөвгүүд” шиг хүртэнэ гэсэн банкны эзэн Лоренцо Тантигийн 1895 онд зохиосон даатгалын гэрээг эргэн санагдуулав.
Макс Сэм Рофф акц худалдахын эсрэг байсан цорын ганц хүн байсан гэдгийг олж мэджээ. Гэтэл тэр ертөнцийн мөнх бусыг үзсэн байдаг. Үүний дараа Элизабет тэдний эсрэг зогсон хоёр ч удаа аймшигтай золгүй тохиолдлоос золоор амь гарчээ. Ганц хүнд учирсан гэхэд дэндүү ахадмаар золгүй явдал учирчээ гэж бодсон Макс Хорнунг ахлах байцаагч Шмитийн өрөө рүү орж явчхав.
Адайр аашт ахлах байцаагч Шмит Сэм Роффын унаж осолдсон үхлийн тухай Хорнунгийн илтгэлийг сонсоод,
- Газарчны нэрийг андуурсан гэнэ ээ? Гэхдээ энэ чинь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл биш шүү дээ, Хорнунг аа. Энэ хэлтсийг толгойлж байсан цагт огтхон ч үгүй шүү хэмээн архирав.
Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэгчээр дорой үлбэгэр байцаагч,
- Үүгээр зогсохгүй. “Рофф ба хөвгүүд”-ийнхэн дотроо чамгүй хэрүүл маргаангүй байна. Магадгүй, хэн нэг нь Сэм Роффыг үгүй хийсний дүнд бүх асуудал шийдэгдэнэ гэж бодсон байж магад.
Ахлах байцаагч Шмит суудлаа налан гэдийгээд Макс Хорнунгийг бодлогошрон харлаа. Түүний энэ онол эрүүл ухаангүй хүний оргүй хоосон санаа гэдэгт Шмит огт эргэлзсэнгүй. Энэ нь харин ч зол болон хэсэг хугацааны дараа Макс Хорнунгаас хагацаж ч болох юм гэсэн бодол нь түүнд ихэд таалагдаж, мань эр зайгаа тавьж өгвөл хэлтэс даяар сэтгэл ханамжтай байх нь эргэлзээ үгүй. Бас нэгэн бодол нь: Макс Хорнунг агуу хүчирхэг "Рофф ба хөвгүүд”-ийн омгийн хүмүүсийн зүг гар далайж буй явдал ажээ. Түүнээс өөр хүн байсан бол байцаагч Шмит тэднээс холхон байхыг сануулах л байсансан. Үйл нь ирсэн оготно муурын сүүлээр тоглоно гэгчээр хэрэв тэр хүсч л байвал оролдож л сууг даа, хөөрхий! Тэд нар мань эрийг нүд ирмэхийн төдийд цагдаагийн газраас халуулчхаж дөнгөнө дөө. Хэн ч, юу ч гэж зэмлэхгүй тул тэрээр Макст,
- Энэ хэргийг мөрдөхийг танд даалгая, Гагцхүү бүү яар гэж хэлэхэд нь Хорнунг баярлан,
- Баярлалаа хэмээн талархаад ухасхийн гарлаа.
Макс Хорнунг хэлтэс рүү явах замдаа хүчингийн улмаас нас нөгчсөн хэргийг мөрдөж буй мөрдөгчтэй хонгилд тааралдвал,
- Хорнунг аа! Чиний ой ухааныг ашиглаж болох уу? гэж асуув.
Макс гайхахдаа нүдээ цавчлан,
- Өршөөгөөрэй, ойлгосонгүй гэлээ.
- Мөрний эргүүл дөнгөж сая нэг бүсгүйг уснаас гаргаж авчээ. Хэрэв төвөгшөөхгүй бол түүнийг нэг хараадахгүй юу.
Макс гүдхийтэл шүлсээ залгиад,
- Таны тааллаар больё хэмээв.
Ажлын иймэрхүү хэсэг нь түүнд тааламжгүй санагдавч тэрээр албан үүргээ чин шударгаар гүйцэтгэх ёстой гэж бодно.
Талийгаач бүсгүй хүүрийн байшинд төмөр шургуулганд хэвтэнэ. Хорь орчим насны цайвар үстэй бүсгүй байлаа. Түүний бие нь усанд хавагнан хөөчихсөн, хүзүүн дэх улаан туузыг нь эс тооцвол чармай нүцгэн байх ажээ.
- Биен дээр нь үхэхээсээ хэдхэн секундийн өмнө хурьцал үйлдсэн гэх ул мөр үлджээ. Бүсгүйг боомилон алаад голд хаясан байна гэж мөрдөгч өгүүлээд, - Уушгинд нь ус ороогүй. Картын санд түүний хурууны хээ нь алга. Та түүнийг хаа нэгтээ хараагүй биз? гэв.
Байцаагч Макс Хорнунг бүсгүйн царайг хараад,
- Үгүй гэлээ.
Ингээд тэрээр нисэх буудал явах автобусанд амжихаар гүйн гарлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 3:58 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 36.

Макс Хорнунг Сардинийн Коста-Смеральдагийн нисэх буудалд газардаад хамгийн хямдхан “фиат” машиныг хөлслөн Олби руу явахаар хөдөллөө. Олби нь бусад арлын хотуудыг бодвол овоо үйлдвэржиж, хотынхоо захаар хэзээ тэр нэг цагт гоёмсог дэгжинээрээ гайхагдаж байснаа одоо төмрийн сэг болсон, олон машин овоолсон автомашины асар том булшны газар болох хогийн цэгтэй аж. “Автомашины булш” байна гэдэг нь соёл иргэншил байгаагийн бэлэг тэмдэг, хэрэв хотгүй бол энэ бэлэг тэмдэг юу гэж байх билээ хэмээн Макс бодно.
Тэрээр хотын төвд орж ирээд: “Questura di sassari commissarito di polizia Olbia” гэсэн сүрлэг бичигтэй байшингийн дэргэд ирж тоормос гишгэв.
Хаа газрын цагдаагийн газрын хаалгаар ороход төрдөг тэр л мэдрэмж нь гялсхийн төрж, тэрээр жижүүрийн түрүүчид, үнэмлэхээ гарган үзүүлэхэд хэдхэн минутын дараа гэхэд цагдаагийн дарга Луижи Феррарогийн өрөөнд залрах нь тэр. Ферраро элэгсгээр инээмсэглэн, түүнийг угтан авахаар суудлаасаа өндийснөө, мань эрийг орж очиход тэр даруй даргын царай дахь инээмсэглэл ор мөргүй арчигдав. Максын гадаад төрх “цагдаагийн байцаагч” гэх ойлголттой огтхон ч дүйцсэнгүй.
- Таны үнэмлэхийг үзэж болох уу? гэж цагдаагийн дарга эелдгээр хэлэхэд нь Макс,
- Тэгэлгүй яахав хэмээгээд үнэмлэхээ гарган өгвөл Ферраро түүнийг нэгд нэгэнгүй сайтар нягтлан үзэв. Итали эр үнэмлэхийг өгсөн хойноо Швейцарт байцаагч нарынхаа гадаад төрхийг огт хайхардаггүй нь илт юм хэмээн бодоод суудалдаа эргэн сууж,
- Танд юугаар туслах вэ? гэлээ.
Макс Сардинид яах гэж ирснээ италиар түгдрэлгүй тайлбарлаж гарлаа. Цагдаагийн дарга Ферраро хэсэг зуур зочин эр ямар хэлээд яриад байгааг ойлгохыг оролдон суулаа. Эцэст нь гар өргөн түүний яриаг таслаад,
- Боллоо! Та англиар ярьдаг уу? гэв.
- Мэдээжийн хэрэг ярьдаг гэж Макс хариулав.
- Тэгвэл танаас англиар яриач гэж гуйя хэмээн цагдаагийн дарга хүслээ.
Максыг яриагаа дуусахад Ферраро,
- Та андуурч байна, ноёнтоон. Цагаа дэмий үрж явна. Миний механикчид энэ жипийг аль хэдийн шалгацгаасан. Тэгээд ч энэ нь золгүй явдал байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн гэлээ.
Макс зөвшөөрөн толгой дохиод, айвуу тайвнаар,
- Гэвч би түүнийг үзээгүй байгаа шүү дээ гэхэд нь,
- За, за хэмээн Ферраро зөвшөөрөөд,
- Жипийг хотын гараашид зарахаар тавьсан байгаа. Манай хүмүүсийн нэг нь таныг тийш нь хүргэж өгөмз. Та бас хэргийн газрыг үзэхсэн болов уу? гэлээ.
Макс гайхсан нүдээ бүлтийлгээд,
- Яах гэж тэр билээ? хэмээв.
Байцаагч Бруно Кампанья түүнд газарчлахаар болов.
- Бид хэдийн шалгасан. Ердийн л нэг золгүй тохиолдол гэж Кампанья түүнд мэдэгдэхэд нь Макс,
- Та нар андуурчээ гэж сөргөв.
Жип гараажийн тэртээ буланд байх агаад осол орсны ул мөр тэр чигээрээ байлаа.
- Түүнд гар хүрч завдахгүй л байна гэж механик харамсан өгүүлэв.
Макс жипийг тойрон явж анхааралтай ширтэнэ.
- Тэд нар тоормосыг яаж орхио вэ? гэж асуув.
- Ээ Тэнгэр минь! гэж механикч эр халаглаад, - Та ч бас хувиа тавихгүй нь ээ! Би хорин таван жил механикч хийж байна, эрхэм ээ. Энэ жипийг би биечлэн шалгасан. Энэ тоормосонд түүнийг үйлдвэрийн дамжлагаас бууснаас хойш анх удаагаа би л гар хүрсэн гэж хэлэхдээ түүний дуунд бухимдах өнгө тодров.
- Тэр тусмаа хэн нэгэн л үүнийг эвдэж дээ гэж Макс итгэлтэйгээр өгүүлэв.
- Яаж тэр вэ? хэмээн механикч эр шүлсээ үсчүүлэн хашгирав.
- Хараахан мэдэх юм алга, гэвч заавал ч үгүй учрыг нь олно гэж Макс түүнд итгэлтэй хэлээд жип тийш салах ёс гүйцэтгэх аятай хараад гараашаас гарлаа.
Цагдаагийн дарга Ферраро байцаагч Бруно Кампаньяг харан,
- Чи түүнийг хааш нь аваачив аа? гэж асуусанд,
- Хаашаа ч биш. Би түүнийг гарааш руу аваачсан чинь мань эр энэ золгүй тохиолдол биш гээд механикчтай маргалдаад, учрыг нь олно гэж илжиг шиг зөрүүдэлж байна билээ гэв.
- Эргүү амьтан.
Макс эрэг дээр зогсон Тиррен тэнгисийн маргадын өнгөт усыг ширтэх мэт авч үнэндээ түүнийг эс анзаарна. Тэрээр эмх замбараагүй салангид баримтуудыг байр байранд нь оруулан нэгтгэн цэгцэлж байв. Энэ нь зулай атируулам төвөгтэй бодлогуудын нэг ажээ. Жип бол энэ бодлогын өчүүхэн боловч, тун чухал хэсэг. Тоормосыг шалгасан гэх туршлагатай механикчийн туршлаганд нь эргэлзэхийн хэрэг байсангүй. Гэвч үүнийг аль болох түргэн илрүүлэх тусам бүр ч сонирхолтой болно.
Макс наран шарлагын элсэн дундуур туучин явсаар том хар бул чулуун дээр сандайлан суугаад нүдээ анин бодолд автаж, олж мэдсэн бүхнээ нэг бүрчлэн бодож, хэрэггүй хэсгийг нь хаян, хэргийн дүр зургийг ухаандаа ургуулан бодлоо.
Хорин минутын дараа бүх юм цэгцэрч байр байрандаа ороход Макс нүдээ бүлтийлгэн гайхаж: Сайн байна! Ухаантай эр! Би энэ хүнтэй заавал ч үгүй уулзах ёстой хэмээн өөртөө хэлжээ.
Байцаагч Макс Хорнунг Олбиос холгүйхэн байх нэгэн газар, бас нэг нь ууланд байх хоёр дахь газраа ороод үд дундад Цюрихт онгоцоор ирлээ.
Тэрээр гуравдугаар зэрэглэлийн хамгийн хямд суудлаар ирсэн нь мэдээж хэрэг.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.17.16 7:54 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Хеерхий Элизабет. Акцаа зараад тайван амьдарч болох л байсан. Баярлалаа Хэннэгэн.


Top
   
PostPosted: Feb.17.16 11:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Макс ч Лизэд ганц туслах хүн бх даа. Би бол Рисийг хардчихлаа бна. Рисээс өөр хүн компаний ажилд тийм их анхаарал тавьж Жипли нтр шиг хүнийг олж авчрах бол уу? Ихэнх нь гэнэт баян эхнэртэй суугаад захирал болсон нөхөд. Харин Рис бол хувьцаа эзэмшигч биш л болохоос ерөнхийлөгч болоход хамгийн тохиромжтой хүн гээд бгаа

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Feb.18.16 12:17 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
someone uneheer mundag orchuulahimaa.


Top
   
PostPosted: Feb.18.16 12:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6304
Location: Энд
Орчуулга биш бхаа. Монгол хэл дээр хэвлэгдсэн бдаг.

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited