#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 2:30 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.28.16 12:01 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
ТЭРГҮҮН ДЭВТЭР

Бүлэг 1.

Стамбул хот.
Есдүгээр сарын 5. Бямба гариг, 22. 00 цаг

Тоосонд дарагдсан халтар цонхоор үзэгдэх мөнхийн амар амирлангүйд орших Стамбул хотын сүмийг ядарч алмайрсан харцаар тэрээр ширтэн, Хажиб Кажирын ширээний ард харанхуйд ганцаар сууна. Сайхь эр дэлхийн аль ч улс орны нийслэлд гэртээ байгаа мэт тавлаг байдаг ч гэлээ Стамбулд бусдаас арай илүү элгэмсүү байдаг аж Стамбул бол Бей Оглын төв гудамж, зочид жуулчид язганасан “Хилтон" зочид буудлын “Лейлзаб” баар биш, харин Стамбул нь мусульманчуудын дунд цуутай бөглүү гудамж, бяцхан цайны газрууд, зах зээл, булш бунхан гэж нэрлэгдэхгүй гэлээ ч нэгэн хүнийг оршуулан түүнд залбирахаар очигсодын цуваа тасалдаггүй “Телли- Баба"- ийн оршуулгын газар ажгуу.
Тэрээр хэрэгцээт мөчийг тэвчээртэйгээр хүлээх хашир анчин мэт өөртөө итгэлтэй тайван байлаа. Уэльсийн удам угсаа болж төрөхдөө тэрээр өвөг дээдсийнхээ уйтгартай, догшин дүртэй, тас хар үс, ухаалаг гүн цэнхэр нүдийг нь өвлөжээ. Булчинлаг чийрэг бие нь өөрийн бие бялдарт ихээхэн анхаарал тавьдгийг нь илтгэнэ. Өрөө тэр чигээрээ Хажиб Каферийн нялуун тамхи, түүний турк кофены эхүүн үнэр. тос даасан махлаг биеийн үнэр нэвт шингэжээ. Рис Уильямз энэ бүхнийг огтхон ч мэдэрсэнгүй Тэрээр цагийн өмнө Шамоноос утсаар дамжуулсан мэдээг эргэцүүлэн бодсоор суув.
Аймшигтай хэрэг! Надад итгээрэй, ноён Уильямз, бид бүгд гацаанд ороод байна. Энэ бүхэн хэн ч түүнд туслахаар байрнаасаа ч хөдөлж амжаагүй байтал тун санамсаргүй болсон. Ноён Рофф хормын төдийд нас нөгчсөн. . " Сэм Рофф бол “Рофф ба хөвгүүд” хэмээх дэлхий дахинаа үндэс сууриа тавьж, сая саяар нь эргэлдүүлдэг эм найруулах концернын хаант улсын ерөнхийлөгч ажээ. Сэм Роффыг таалал төгссөн гэж бодоход санаанд даанч нэг багтахгүй Тэрээр цаг үргэлж цог жавхаатай. эрч хүчтэй байж, бусдын хэлтлэхгүй будлиантай асуудлыг газар дээр нь шийдэх, эсхүл шинэлэг санаа оноо өгөх, өөрийн урам зоригоор бусдыг ирлэн хүч нэмэн үлгэрлэх гэсэндээ дэлхийн алс холын хязгаар хүртэл нисэн ихэнх цагаа онгоцонд өнгөрөөдөг нэгэн байлаа. Тэрээр нэгэн гэрийн эр нөхөр, эцэг хүн байсан ч амьдралынхаа туйлын зорилгыг ажил хэргээ болгон тавьдаг, тэр ер бусын гоц хүн байлаа. Хэн түүнийг орлож чадах вэ? Түүний үлдээсэн агуу их том хаант улсыг хэн удирдаж хүчрэх билээ? Тэрээр өөрийн залгамжлагчаа товлож амжсангүй. Тавин хоёрхон насандаа ертөнцийн мөнх бусыг үзэхийн чинээ төсөөлөөгүй явсан түүний өмнө амьдралын бүхэл бүтэн үе байна хэмээн бодож явсан бизээ Гэсэн ч түүний ус уух хоногийн тоо нэгэнт гүйцжээ.
Гэнэт өрөөний гэрэл гялсхийтэл асан, Рис Уильямз хэсэг зуур нүд нь гялбан байснаа үүд рүү эргэн харав
- Ноён Уильямз уу? Би хэн ч байхгүй л гэж бодсон юм Энэ бол Софи гэгч фирмийн нарийн бичгийн дарга нарын нэг, Рис Уильямзыг Стамбулд байх үед нь түүний мэдэлд байхаар тохоон томилогджээ. Тэр хорин дөрөв хорин таваас хэтрээгүй ч ихийг амласан уян тачаангуй бие, маш хөөрхөн турк бүсгүй байв. Бүсгүй хэдийд ч, хаана ч түүнд сэтгэл ханамжийг амсуулна шүү гэсэн дохиог нэг бус удаа Рисэд үзүүлж байжээ Гэвч тэр түүнийг нь зэрэглээ харсан мэт хэрэгсэхгүй өнгөрөөнө.
- Ноён Кафирын захиаг хэвлэхээр ирсэн юм гэснээ зулгуйдсан өнгөөр,
- Би танд ямар нэг зүйлээр тус болох уу7 гэж нэмж асуугаад, бүсгүй ширээнд дөхөж ирэхэд нь Рисэд гүүний залуу халуун биеийн нялуун үнэр, ороо нь орсон зэрлэг араатны үнэр ханхлав.
- Ноён Кафир хаа байна Софи харамсан мөрөө хавчисхийлгээд.
- Ноён Кафирын ажлын өдөр аль хэдийн дууссан гэлээ Бүсгүй булцгар зөөлөн гарынхаа алгаар палаажныхаа энгэрийг илэн,
- Би танд ямар нэг зүйлээр тус болох болов уу? гэхдээ бүсгүйн хөөрхөн царай нь уйтгартай байлаа.
- Болно гэснээ Рис Түүнийг олоодох гэлээ Бүсгүй хөмсөг зангидаад.
- Хаанаас олохоо мэдэхгүй
- Бүжгийн саравчнаас ч юм уу, Мермараас ч юм уу, хаа байгаа газраас нь олоодох.
Кафирын нууц амраг нь бүжиглэдэг, бүжгийн саравч гэдэг нь арай онож байгаа байх. Гэхдээ Кафир ч таахын эцэсгүй хүн дээ. Мань эр гэртээ эхнэр, хүүхэдтэйгээ ч байх магадгүй.
Софи уучлал эрсэн өнгөөр,
- Би хичээе, гэвч. . .
- Түүнд цагийн дараа ирэхгүй бол хойшид наашаа ирэхийн хэрэггүй гэдгийг тайлбарлаад өгөөрэй!
Бүсгүйн царай хувьсхийж, - Ноён Уильямз аа, би чадах бүхнээ хийнэ гээд үүд чиглэн явав.
- Гэрлээ унтраачих гэж Рис бүсгүйн араас нь хэлэв.
Харанхуйд бодолд автан ганцаар үлдэхэд сэтгэл нь хөнгөрөх шиг түүнд санагдана. Тэрээр талийгаач Сэм Роффыг бодлоо. Есөн сард Монблан уул нэг л ёозгүй байв. Сэмд цасан шуурга саад болжээ.
- Би оргил дээр нь фирмийнхээ далбааг хийсгэнэ гэж тэрээр Рист хошигнон хэлж байжээ.
Эл утасны дуудлага Рисыг “Пера Плац”- ийн зочид буудлын өрөөнийхөө цоожинд түлхүүр зоох яг тэр мөчид иржээ. Одоо хүртэл харилцуурын цаанаас сандарсан дуугаар, “Тэд мөсөн агуй руу явсан... Ноён Рофф хий гишгээд, олс тасарч... Тэрээр ёроолгүй мөсөн ангал руу уначихлаа." гэж байсан нь чихэнд нь сонсогдоно.
Рис Сэмийг мөсөн хошуу мөргөн ёроолгүй халил ангал рүү хар хурдаараа хэрхэн унаж явсныг төсөөлөн бодлогоширсноо бие нь агзгасхийн энэ тухай бодохгүй байхыг байдгаараа чармайв. Энэ бүхэн нэгэнт өнгөрсөн явдал, одоо хойшдын ирээдүйгээ бодох цаг. Сэм Роффын үхлийн тухай төрөл төрөгсдөд нь дуулгах хэрэгтэй байтал тэд хорвоо дэлхийн энд тэндгүй тарж бутарцгаасан байдаг. Хэвлэлийнхэнд мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Энэ мэдээ цэлмэг тэнгэрт аянга ниргэх мэт олон улсын санхүүгийн хүрээнийхнийг цочирдуулах нь дээ. Фирм санхүүгийн хямралд байгаа өнөө үед энэ цохилтыг зөөлрүүлэх нь чухал. Энэ бүх ажлыг тэр өөрөө, Рис Уильямз гүйцэтгэх ёстой.
Рис Уильямз Сэм Роффтой арваад жилийн тэртээ танилцсан ажээ. Тэр үед хорин тавтай эм бэлдмэлийн худалдаа эрхэлсэн бага шиг фирмийн захирлаар ажиллаж байлаа. Мань эр хэр чинээгээрээ фирмээ өргөжүүлэн олон шинэлэг сонирхолтой санаа сэдэж түүний нэр хүнд ч өсчээ. “Рофф ба хөвгүүд" түүнийг ажилд урьсан ч мань эр татгалзжээ. Тэгэхээр нь Сэм Рофф түүний ажиллаж байсан фирмийг худалдан аваад цагийн дараа түүнрүү элч довтолгожээ. Эхний уулзсан мөчөөс одоог хүртэл мань эр Сэм Роффын сэтгэл татам хүчирхэг нөлөөн дор үлджээ.
- Чиний орон зай энд, “Рофф ба хөвгүүд"эд байгаа гэж тэрээр Рисэд хэлээд,
- Тийм учраас би чиний чирч ядан байгаа заяа муутай яйжгий мухлаг тэргийг чинь худалдан авсан юм гэв.
Рис нэгэн үе доромжлогдсон юм шиг бодож байлаа.
- Хэрэв би танайд үлдэхгүй бол яах вэ? гэхэд нь Сэм Рофф инээмсэглээд итгэл төгс байдлаар,
- Чи үлдэнэ. Рис ээ, чи бид хоёрт адил юм их бий. Бид хоёулаа нэр алдарт дуртай улс. Бид дэлхий дахиныг эзэгнэхийг хүсч байна. Үүнд хэрхэн хүрэхийг би чамд үзүүлнэ гэжээ.
Түүний үг сэтгэл зүрхэндээ шатаж яваа залуу эрд асар ихийг амлан соронзон адил татаад зогссонгүй, мөн Рис түүний мэдэхгүй юмыг ч мэддэг гэдгийг Сэм Рофф анддаггүй аж.
Рис Уильямз Гвента, Кармантенаас холгүй орших газрын гүнд нүүрсний зузаан давхарга, элсэн хумхи, шохойн чулуу үелэн тогтсон заримдаа Уэльсийн тэгш уудам талын гадаргуу дээр нь хачин маягийн улаа бутарсан ногоон үрчлээ үүсдэг тийм нэгэн газар төрж, хэдийн шүлэг, найрагт дуурсагдах болсон үлгэрийн орон Брекон, Пени-фан, Пендерин, Глинзово, Маэстегт... өсчээ. Энэ бол 280 сая жилийн тэртээгээс нүүрсний оршдос хадгалагдан ирсэн, хэрэм мөчир дамжин гүйсээр Брекон-Биконзоос тэнгис хүртэл газар буулгүйгээр хүрч очиж чаддаг шигүү ойн төгөл ургасан үлгэр домгийн мэт нутаг аж. Гэтэл аж үйлдвэрийн хувьсгал гаран модны нүүрс түүгчид ногоон моддыг нь хөрөөдөн ган болд цутгах хомхой зууханд шатааж эхэлжээ.
Хүү тэс өөр цаг үеийн баатруудын хүрээнд торнижээ. Сахил хүртэн гэрлэхгүй байхыг эс зөвшөөрөн эхнэрээсээ хагацахгүй гэсэндээ Римийн Католик сүмийн түүдэгт шатсан Роберт Фаррер, X зуунд Уэльсэд хууль ёсыг соёрхуулсан авьяас билэгт Сайн хан Хайвел, лалынхаа төлөө хамаг хүчээрээ тэмцсэн 12 хүү, 24 охины эцэг догшин Бриккен гээд ийм л гайхалтай түүхэн үйл явдал өрнөсөн нутагт өсжээ. Гэвч түүний удам хязгаар нутагт алдар гавьяа нь цуурайтаж байсангүй. Рисийг өвөг дээдэс бүгд удам залгасан уурхайчид байсан тул хүү эцэг, ах нарынхаа уурхайчны аймшигт амьдралын тухай ихийг сонсжээ. Тэд, уурхайчид олон компаниудын хооронд явдаг, ажлаас халагдсан гунигт мэдээ, Гвент, Камертенын уурхайг хааж байсан тухай, уурхайчдын цөхрөнгөө барсан ядуурал, тэдний бахархлыг нь мохоон эцсийн эцэст бууж өгсөн тухай хүнд хэцүү цагаа дурсан ярьдаг байв.
Уурхайд ажиллаж байсан цагт аюул зовлон эцэс төгсгөл гэж үгүй. Рисийн олон ч төрөл төрөгсөд уурхайд амь эрсэджээ. Зарим нэг нь тэндээ булшлагдаж, зарим нэг нь нүүрснээс болж цусаа хар тортог болтол ажиллаж эцэстээ цусаар ханиалган, тэдний олонх нь гуч хүрч чадалгүй ертөнцийн мөнх бусыг үздэг байжээ.
Рис нүдний нь өмнө наснаасаа эрт өтөлсөн ах нарынхаа өнгөрсөн амьдрал, аймшигтай нуранги, айдас хүрэм хүнд гэмтэл бэртэнгийн тухай, ажил хаялтын тухай, цагийн сайхныг дурссан тэдний дурсамжийн тухай, мөн эцгийнхээ яриаг олонтаа сонсоно. Гэвч хүүд тэдний сайн, муу цаг гээд байгаа нь ялгаа үгүй мэт санагдана. Түүнд өөрийн бүх амьдралаа харанхуй хар нүхэнд өнгөрөөнө гэсэн бодол түүнийг айлгаж, энэ бүхнээс зугтах ёстой гэдгийг л мэдэж байлаа.
Тэрээр арван хоёр настайдаа гэрээсээ явж, нүүрсний хөндийгөөс жуулчид олноор цугларах Салли-Рэнни-Бэйн эрэг тийш очин ачаа тээш зөөн, аар саар даалгаврыг нь гүйцэтгэн авхай, бүсгүйчүүлд хэвгий хазгай газар уруудан наран шарлагын газар тийш буухад нь туслах, тэдний идээ будаа дүүрэн чихсэн сагс савыг нь зөөн бүгдийн сэтгэлд нь таацуулахаар зүтгэж, Пепартад улаач, Уитмор-Бэйд цэнгэлдэх хүрээлэнд алба хашиж явжээ.
Ар гэрийнхэн нь хэдхэн цаг явах зайтай газарт байвч, амьдралынх нь эрс тэс ялгаа түүнийг тэднээс тусгаарлах ажээ. Тэр тэс өөр ертөнцөд амьдрах болов. Рис Уильямз хүмүүс ийм сайхан хувцасласан цэвэр цэмцгэр байж чаддаг гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Бүсгүй хүн бүхэн түүнд хатан хаан шиг, эрчүүд нь яг л хуар нийлүүлэн сонгосон мэт чамин гоё, тэгш гоолиг биетэй байх ажээ. Энд тэрээр жинхэнэ орон гэртээ байгаа эзэн хүн мэт байхын төлөө гар хумхилгүй хөдөлмөрлөнө.
Рис арван дөрвөн нас хүрэх үедээ Лондон хүрчих хангалттай мөнгө хурааж чадсан байна. Тэгээд Лондонг зорьжээ. Мань хүү эхний гурван өдөр агуу том хотын гудамжаар дэмий сэлгүүцэн тэнэж, хотын гоёмсог байшин барилга, түүх дурсгалт газруудыг нүд хужирлан ширтэж, их хотын дуу чимээ, үнэр танарыг ханатал чагнан үнэрлэв.
Их хот дахь түүний анхны ажил нь бага шиг бөс барааны дэлгүүрийн зарлагын ажил байлаа. Дэлгүүрт түүнээс гадна гурван худалдагч ажиллах агаад шазруун зан нь хэтэрсэн хоёр залуу, харах тоолонд залуу эрийн зүрх нь баясгалантайгаар булгилах нэгэн бүсгүйн хамт ажиллана. Эрчүүд Рисийг бүдүүлэг амьтан мэт харьцана. Хувцас нь гэж ердөө л халхлах төдийхөн юмтай, биеэ хэрхэн авч явахаа мэдэхгүй, дээрээс нь бас ойлгохын эцэсгүй тарни унших мэт дуржигнатал ярих тэрээр үнэхээр инээдтэй байх ажээ. Тэд нар нэрийг нь хэрхэн дуудахаа ч мэддэггүй нэг бол Райс, эсвэл Рай, үгүй бол Райз гэж дуудна.
- Р-и-и-с гэж зөв дууд хэмээн Рис тэдэнд цөхрөлтгүй давтана.
Харин эмэгтэй хүний өрөвч сэтгэлээр ч юм уу бүсгүй түүнийг и*эд өрөвдөнө. Бүсгүйг Глэдис Симпкинз гэх агаад Тутингэд гурван бүсгүйн хамт бяцхан өрөө хөлслөн амьдардаг ажээ. Нэгэн удаа бүсгүй залууг гэртээ хүргэж өгөхийг гуйн аяга цай уулгахаар урилаа. Залуу Рис түүнд анх удаа бүсгүй хүн дотносон ойртож байгаад нь мэгдэн сандар санч, Глэдисийг тэвэрч автал бүсгүй нүдээ бүлтийлгэн ширтсэнээ, тас тасхийтэл инээд алдан,
- Чи ингэхийн хэрэггүй гэж бүсгүй хэлснээ,
- Гэсэн ч би чамд нэгийг зөвлөе. Хэрэв зээ ямар нэг юманд хүрье гэж байгаа бол, нэгд зохистой, аятай хувцасла, хоёрт ямар ч болов боловсролтой бол, гуравт биеэ зөв авч явж сур гэжээ.
Бүсгүй түүний халуу оргин шатах туранхай царайг хяламхийн харснаа түүний цэнхэр нүдийг ширтэн ивээнгүйгээр, - Нас бие гүйцмэгц чи гайгүй болно гэжээ.
“Хэрэв зээ ямар нэг юманд хүрье гэвэл. . “ Чухам энэ үед ертөнц дээр нэгэн цоо шинэ Рис Уильямз мэндэлжээ. Жинхэнэ Рис Уильямз бичиг үсэггүй, мунхаг харанхуй, хүмүүжилгүй залуу байв. Гэвч тэр яснаасаа суман ухаан ихтэй, нэр алдарт дуртай нэгэн ажээ. Тэрээр гуалиг, дэгжин ганган, аз хийморьтой болохсон гэж төсөөлж байснаасаа бүхнийг эхэлжээ. Рис уураг тархиндаа боловсруулсан тэр л дүрээр өөрийгөө зугуу зугуухан өөрчлөх болов Сайхь залуу оройн сургуульд элсэн орж, зургийн үзэсгэлэн үзэж, нийтийн номын сангаас салахаа байж, театрт орж, дээд давхарт суун голын суудал дахь харчуул хэрхэн хувцасласныг ажих болжээ. Залуу хоолны зардлаа хэмнэн байж сардаа ганц удаа сайн ресторанд хооллон, ширээний ард биеэ хэрхэн зөв авч явахыг ажин, тогтоож авдаг болжээ. Тэр өнгөрсөн муу муухайгаа үлдэн хөөж, цоо шинэ юм болгоноор ирээдүйгээ цэнэглэж байв.
Рис ганцхан жилийн дотор ихийг суралцаж, Глэдис Симпкинз бүсгүйг хатан хаан хэмээн өргөмжилж байсан өнөөх бүсгүй нь өнөөгийн хүсэлд нь эс нийцэхээр бахь байдаг хуучин янзандаа, ерийн нэгэн болохыг нь мэдэв. Тэр бөс барааны дэлгүүрээс гарч, эмийн худалдааны олон салбар бүхий эмийн санд ажилд оржээ. Тэр үедээ хүү арван зургаан настай байсан ч арай оворжуу харагдаж, жин нь нэмэгдэн, өндөр ч болжээ Бүсгүйчүүл түүний залуу биеийн гоо үзэсгэлэнд өөрийн эрхгүй шунан татагдана. Тэрээр эмийн сан даяар цууд гарч худалдан авагч бүсгүйчүүл эрхлэн наадах гэхдээ түүний завтай болохыг чухалчлан хүлээдэг болсон байна. Сайхан хувцаслаж зөв, цэвэр хэл эзэмшсэн залуу эр Гвент, Кармартенээс алс тасархай холдсоноо ойлгосон хэдий ч мөн л толинд харагдах өөрийн өнөөгийн бодит дүрдээ сэтгэл нь тийм ч их ханасангүй.
Эмийн сангийн эрхлэгчээр томилогдсоноос хойш хоёр жил ч болоогүй байхад дүүргийн эмийн сангуудын сүлжээний удирдлага нь Рисэд,
- Уильямз аа, энэ бол зөвхөн эхлэл. Байдаг эрч хүчээрээ хөдөлмөрлө, тэгвэл нэгэн сайхан өдөр таны удирдлагад нэг биш, нэг хэсэг эмийн сан захирагдах болно гэжээ.
Рис нүүрэн дээр нь инээд алдчихгүй гэхдээ арай ядан тэсчээ. Ийм ялихгүй зүйл хэн нэгний хүсэл мөрөөдлийн оргил юм гэж үү! Рис сурч боловсрохоо орхисонгүй. Тэрээр худалдааны ажил, эрх зүй, маркетингийг судалж байлаа. Түүний бүтээн босгосон дүр нь тэртээ дээр пирамидын оргил дээр байх агаад харин өөрөө тэртээ доор бэлд нь яваа, ээ халаг гэж! Гэтэл өөдлөн дээшлэх боломж тойроод өнгөрсөнгүй. Нэгэн удаа худалдааны явуулын агент эмийн сангаар нь ороод гарах зуураа Рисийг нэгэн зэрэг хэдэн худалдан авагчдад ямар ч хэрэггүй байсан барааг ятган борлуулахыг нь хараад түүнд дөхөж очоод,
- Залуу минь, та энд цагаа дэмий үрж байна даа. Чи цөөрөмд биш, нууранд хөвж явах ёстой хүн байна гэжээ.
- Ингэхэд та ямар санал хэлэх гээ вэ? гэж Рис асуувал,
- Би энэ талаар босстойгоо ярина гэж агент хариулжээ.
Хоёр долоо хоногийн дараа гэхэд Рис бага шиг эмийн худалдааны фирмийн явуулын агентаар ажиллах болов. Мань залуу иймэрхүү ажил эрхэлдэг тавиад худалдагчийн нэг болсон агаад өөрийн онцгой толинд хараад, энэ нь төдийлөн гавих хэрэг биш гэдгийг мэджээ. Одоо түүний цорын ганц өрсөлдөгч нь тэр өөрөө болж, өөрийн зохион бүтээсэн ухаалаг, боловсролтой, нарийн чанд, сэтгэл татам дүрдээ улам улам ойртон дөхсөөр... Рис болохгүй бүхнийг хийхийг хүсдэг төдийгүй, тэр болгоноо хийж чадна. Тэр өөртөө бүтээн босгосон, мөрөөдөж явдаг тэр нэгэн дүрдээ хувирч чадлаа.
Тэр фирмийнхээ барааг борлуулан хүмүүстэй харьцан, тэднийг чих тавин чагнаж, орон даяар хэрэн хэссээр шинэлэг санаа, бодит эрэлтийн саналаар ганзагаа дүүргэн Лондонд эргэж ирээд албаны шатаар эрчимтэй дээшилж эхэллээ.
Фирмд ирснээс хойш гурван жил өнгөрөхөд мань эр худалдаа хариуцсан захирлын байр суурийг эзлэн, түүний ухаалаг удирдлага дор фирм нь мэдэгдэхүйц цэцэглэн хөгжив.
Дөрвөн жилийн дараа түүний амьдралд Сэм Рофф орж иржээ. Тэрээр анх удаа Рисийг ямар хүсэл тарчилгаж байгааг ойлгосон юмсанж.
- Рис ээ, чи бид хоёрт адил юм их байна. Бид дэлхий дахиныг эзэгнэхийг хүсч байна. Үүнд хэрхэн хүрэхийг би чамд үзүүлнэ.
Тэгээд ч тэр өөрийн амлалтаа биелүүлжээ.
Сэм Рофф бол маш сайн халамжлан хүмүүжүүлэгч. Түүний удирдлага дор есөн жил нухлагдсан Рис фирмийнхээ олдошгүй нэгэн эрдэнэ болжээ. Цаг хугацааны эрхээр тэр фирмийн салбар нээн, дэлхийн янз бүрийн өнцөг булан дахь цэгүүдийнхээ үйлдвэрийн будлианыг зохицуулан “Рофф ба хөвгүүд“- ийн бүтцийг шинэчлэн бүр ч хариуцлагатай алба хаших болов. Тун удалгүй Рис Сэм Роффоос гадна фирмийн хамаг нууцыг нарийн мэддэг цорын ганц хүн, фирмийн ерөнхийлөгчийн жинхэнэ өрсөлдөгч болов.
Нэгэн өглөө Рис, Сэм Роффын хамт Каракасаас фирмийн мэдлийн найман онгоцны нэг болох тусгайлан тоноглосон тансаг “Боинг- 707- 320“-оор буцаж явах зуур Рофф түүнийг Венесуэлийн засгийн газартай, фирмдээ илт ашигтай гэрээ хийснийг нь саймсран магтжээ.
- Рис ээ, үүний чинь төлөө чамд нилээд их шан харамж хүртээнэ ээ гэхэд нь,
- Надад ямар ч шан харамж хэрэггүй ээ, Сэм ээ гэж Рис өгүүлээд, - Би фирмийн акцаас эзэмшин авч, захирлуудын зөвлөлд орсон нь дээр гэж бодох юм гэсэнд,
Мань эр ийм гавьяатай гэдгийг тэд мэднэ. Гэвч Сэм,
- Өршөөгөөрэй, дүрэм журмыг өөрчилнө гэдэг миний хэрээс хэтэрсэн хэрэг. “Рофф ба хөвгүүд" чинь хувийн фирм. Гэр бүлийн гишүүдээс өөр хэн ч Зөвлөлд орж, акц эзэмших эрхгүй гэжээ.
Мэдээж Рис үүнийг сайн мэднэ. Зөвлөлд ороогүй хэдий ч тэрээр, бүх л хуралд нь оролцох ёстой гэнэ. Сэм Рофф бол “Рофф ба хөвгүүд“- ийн цорын ганц өв залгамжлагч эр хүн нь байлаа. Роффын гэр бүлийн бусад нь дан бүсгүйчүүл. Захирлуудын зөвлөлд Анна Роффын нөхөр Вальтер Гасснер, Симонетта Роффын нөхөр Иво Палацци, Элена Роффын нөхөр Шарль Мартель нар багтдаг харин Алек Николз нь Роффын эхийн талын хүн ажээ.
Ийнхүү Рис сонголт хийх цаг нь болов. Тэрээр Зөвлөлд зохих байр сууриа эзэлснээ, хэзээ нэгэн цагт фирмийн удирдлагыг гартаа аван бүрэн хянах болно гэдгээ мэдэж байлаа. Гэсэн хэдий ч нөхцөл байдал өөрчлөгдөж үүнд нь нөлөөлөх боллоо. Рис юу болохыг нь харзнахаар шийдэв. Сэм түүнийг тэвчээртэй болгон хүмүүжүүлсэн. Гэтэл Сэм Рофф одоо ертөнцийн мөнх бусыг үзээд байдаг.
Тасалгаанд гэрэл гялсхийн асч, Хажиб Кафир үүдэнд зогсож байв. Кафир “Рофф ба хөвгүүд“- ийн турк дэх салбарын худалдааны захирал юм. Хүрэн бор царайтай, намхавтар нуруутай тэр буян хишгийн шагнал мэт бүдүүн гүзээ, бриллантаараа бахархдаг нэгэн. Яаран хам хум хувцаслаж, үс зүс өрвийсөн харагдах нь Софи түүнийг шөнийн клубээс олж ирсэн бололтой.
- Рис ээ! гээд Кафир тайлбар тавихаар болж,
- Хүндэт анд минь өршөөж үз. Чамайг Стамбулд байна гэж би хаанаас мэдэх билээ. Чи чинь онгоцонд суугаад нисч явах ёстой байсан биз дээ, харин надад яаралтай ажил. . .
- Хажиб, суу. Анхааралтай сонсож бай. Фирмийн кодтой дөрвөн нууц цахилгаан явуулах хэрэгтэй байна. Дөрвөн өөр улсад. Захидлуудыг манай өөрийн зарлагын гарт хүргэх ёстой шүү. Би ойлгомжтой ярьж байна уу?
- Тийм ээ, тун ойлгомжтой хэмээн Кафир балмагдан хариулав.
Рис бугуйн дахь алтан цагаа хяламхийн харлаа.
- Нью-Ситигийн шуудан хэдийн хаачихсан. Захидлыг Йени-Постхан-Кадаас явуул. Гучин минутын дараа гэхэд явсан байх ёстой гээд нууц цахилгааны нооргийг Кафирт өглөө.
- Энд бичсэнийг ойшоогоогүй хэн ч бай тэр даруй ажлаасаа халагдах болно.
Кафир бичгийг уншин нүд нь бүлтийлээ.
- Бурхан минь! Ээ Бурхан минь гэж! гээд гүн санаа алдан Рисийн баргар царайг харав.
- Юу болчих нь энэ вэ?
- Золгүй явдал гэж Рис хариулав.
Энэ бүх хугацааны туршид Рис анх удаа Сэмийн охин Элизабет Роффын тухай бодох ёстойг ойлголоо. Рис анх түүнийг харахад шүдэндээ гажиг заслын хуванцар аппарат зүүсэн, ичимхий нь дэндсэн, ганцаардсан, балиар бүдүүн, зожиг атлаа түрэмгий зантай охин байж билээ. Он жилүүд өнгөрч охин Рисийн нүдний өмнө эхийнхээ гоо үзэсгэлэн, ухаан, эцгийнхээ сэтгэлийн хатан тэвчээрийг өвлөн авч хувирч өөрчлөгдөв. Тэр Сэмд ухаангүй хайртай. Түүний үхэл охины нь хувьд гаслан зовлон болно гэдгийг Рис ойлгож байлаа. Энэ тухай тэр өөрөө биечлэн дуулгах ёстой.
Хоёр цагийн дараа Рис Уильямз Дундад Тэнгисийн эрэг дээрх буудлаас хөөрсөн фирмийнхээ тийрэлтэт онгоцны бүхээгт суун Нью-Йоркийг чиглэн явж байв.

_________________
Avatar by Someone


Last edited by ||someone|| on Feb.12.16 11:06 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jan.28.16 12:19 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 2.

Берлин хот.
Даваа гариг. 9 сарын 7. 10 цаг 00 минут

Дахин хашгирах ахул Вальтер эргэж ирээд ална гэдгийг Анна Рофф Гасснер сайн мэдэж байв. Бүсгүй унтлагын өрөөнийхөө буланд шигдэн зайлшгүй ирэх үхлээ хүлээн дагжтал чичрэн сууна. Ид шидийн мэт эхэлсэн тэр нэгэн үлгэр нь хэлэхийн эцэсгүй зэрлэг аймшиг болон төгсөж буй нь энэ. Тэрээр интэй алуурчин нөхрийнхөө нүднээс үнэнийг олж харахаас айж байжээ.
Вальтер Гасснертэй учрахаас өмнө Анна Рофф эцэг эх, өөрийгөө эс тооцвол өөр хэнийг ч хэзээ ч хайрлаж байгаагүй. Тэр бие эмзэг, муужирч унадаг өвчтэй охин байлаа. Өөрийгөө эмнэлэггүй, асрагчгүйгээр заримдаа алс холын орноос авчирсан эмчийн үзлэггүйгээр байснаа огт санадаггүй ажээ. “Рофф ба хөвгүүд“- ийнхны нэг болох түүний аав Антон Рофф нь зөвхөн дэлхийн нэртэй мэргэжилтэн эмч нараар Аннаг үзүүлэхэд, тэд охины шинжилгээний дүнг үзсэнийхээ дараа, удтал ном хаялцаад охины өвчний талаар очихдоо мэдэж байснаас илүүг мэдэлгүйгээр буцацгаадаг байлаа. Тэдний хэн нь ч зөв онош тавьж чадсангүй.
Анна бусад хүүхдийн адил сургуульд суугаагүй, сүүл сүүлдээ өөрийгөө тусгаарлан тэр чигээрээ уран зөгнөл, хүсэл мөрөөдлөөр дүүрсэн өөрийн гэсэн ертөнцийг бүтээжээ. Түүний ертөнц рүү нь хэн ч орж чадахгүй. Тэр амьдралын хөргийг өөрийн бодит өнгө будгаар зурна. Анна 18 нас хүрэхэд толгой эргэх, муурч унадаг өвчин нь яг л эхэлсэн шигээ гэнэт ор мөргүй арилжээ. Гэвч эл шаналгаа нь охины амьдралд уйтгартай хар мөрөө үлдээжээ. Үе тэнгийн бүсгүйчүүл нь сүй тавьсны тэмдэг болсон бөгж хуруундаа гялалзуулан, зарим нэг нь бүр нөхөрт гарсан байхыг хараад, энэ бүгдийг эс тоомсорлосон дүр үзүүлнэ. Бүсгүй бүгдээс, бүхнээс аглагт байх нь туйлын жаргал гэдэгт өөрийгөө ятгана. Хорин насны хаяа дэрлэн буумагц дэлхийд цуутай өв залгамжлагч бүсгүйг олон хүн хадаг барин гуйсны олонх нь түүний далай мэт хөрөнгөнд гар дүрэхийг хүсч байсных ажгуу. Шведийн гүн, Италийн яруу найрагч, “гурав дахь ертөнцийн" үгүйрч хоосорсон олон вантангууд бүсгүйг гуйжээ. Анна тэр бүхэнд татгалзсан аж. Охиндоо гучин насных нь баярыг хүргэн байсан эцэг Антон Рофф гарыг нь илснээ: "Ач зээгээ үзэхгүй үхэх нь бололтой “ гэжээ.
Анна гучин таван насандаа өөрөөсөө 13 насаар дүү Вальтер Гасснертэй танилцжээ. Австрийн Китцубелийн уулын гацаанд Вальтерийг харсан даруйд мань эр бүсгүйн сэтгэл зүрхийг эзэмджээ. Цана угласан залуу Ханненкамын хажуу бэлийн ташуу замаар нисэх мэт буух нь Аннагийн шимтэн үзэх дуртай үзвэр байв. Бүсгүй замын төгсгөлд зогсоод нүдэндээ үзэгдэх залуу бурхны амилсан дүрийг үзэх мэт гөлийн ширтэнэ. Вальтер өөрийг нь бахдан ширтэх бүсгүйн харцыг анзаарсан байна.
- Га яагаад цанагүй байдаг билээ, хонгор бүсгүй минь?
Хариу дуугарч чадах сөхөөгүй байсан бүсгүй гулгаж чадахгүйгээ илтгэн ердөө л татгалзан толгой сэгсэрвэл залуу инээгээд хариуд нь,
- Тэгвэл таныг бага үдийн цайнд урихыг зөвшөөрнө үү гэв.
Бага балчир охин мэт мэгдэн сандарсан бүсгүй цанын замаас хар гүйхээрээ холдон зу|тан оджээ. Энэ мөчөөс эхлэн Вальтер Гасснер түүний араас нь хөөцөлдөж эхлэв. Анна Рофф овор зүс муутайгаа, сайн удмын нэрнээс цаашгүй, эр хүнийг татах хэмжээний хүүхэн биш гэдгээ ойлгох ухаалаг бүсгүй. Гэвч царай муутай гадаад төрхний нь цаана ариухан, энхрий хайр сэтгэл бялхсан залуу халуун сэтгэл, халхлагдан буйгаа Анна бас мэднэ.
Анна өөрөө гоо үзэсгэлэнтэй төрөөгүй ч гэсэн ариун сайхныг бишрэн шүтнэ. Бүсгүй үе үе дэлхийн шилдэг музейд очиж алдарт зураг, хөшөөний өмнө хэдэн цагаар зогсдог ажээ. Ингээд Вальтер Гасснерийг анх хармагц түүнд амьд бурхан газарт бууж ирсэн мэт санагдсан байна.
Тэдний хальт нүүр тулан уулзсанаас хойш хоёр өдрийн дараа Анна “Теннергар" зочид буудлын саравчит тагтан дээр цайлж суухад Вальтер ирж түүний ширээнд суужээ.
Нүүрний зөв тэгтэй, энхрийхэн зүс, наранд борлосон царайд нь илт ялгарах жигд цагаан шүд, цайвар үс, болдын өнгөөр туяарах хөх нүдтэй залуу тэр чигээрээ амилсан бурхан байв.
Цанын нимгэн даавуун өмсгөлийн цаанаас булчин шөрмөс нь товойхыг Анна ажлаа. Бүсгүйн дотор бие нь хүйт даах шиг болж, хамаг бөгсөн бие нь чинэрэн бадайрч, хөлөрч норсон алгаа чанга хавчсан гуяынхаа завсраар шургуулав.
- Би таныг өчигдөр үдэш цанын зам дээр хайсан шүү гэж Вальтер үг өдөн өгүүлэв.
Аннагийн амьсгаа нь давчдан, хэл нь татчихлаа.
- Хэрэв та цанаар гулгаж чадахгүй бол би таныг сургаж чадна шүү гэснээ мань эр инээмсэглээд,
- Үнэ төлбөргүй гэв.
Эхний хичээлдээ тэрээр цанаар эхлэн суралцагчдад зориулсан Хаузбергийн энгэрийг сонгожээ. Анна цаначин болохгүй гэдэг нь тэр даруй хоёуланд нь тодорхой болов. Тэрээр үргэлж тэнцвэр алдан тэрий хадан унах авч хэрэв сурахгүй бол Вальтер өөрийг нь тоохоо болчих мэт санагдан сурах гэж уйгагүй оролдоно. Гэсэн ч мань эр бүсгүйг тэрий хадан олонтаа унахад нь босгож дараа зөөлнөөр,
- Та үүнээс арай илүү чухал зүйл хийх тавилантай юм байна! гэжээ.
- Чухам юу хийх гэж? хэмээн Анна асуугаад өөрийн арчаагүй өөдгүй амьтан болохоо угт нь тултал мэдэрчээ.
- Би танд энэ тухай өнөөдөр оройн хоолон дээр хэлэмз.
Тэд орой нь хамтдаа хооллон, маргааш нь мөн өглөөний, өдрийн оройн хоол хамтдаа идэцгээв. Вальтер өөр бусад үйлчлүүлэгчдээ бүгдийг орхин ихэнх цагаа Аннатай хамт байх гэсэндээ хичээлээ таслах болов. Тэд суурин орж, залуу түүнийг “Дер Гольдоен Гриф" казиног үзүүлэн, уулнаас чаргаар гулган, дэлгүүр хоршоогоор гүйн, явган зугаалж, зочид буудлын дэвсэгт удаан гэгч нь суун хүүрнэн хөөрөлдөнө. Энэ нь Аннагийн хувьд ид шидийн үлгэр мэт сайхан байлаа.
Тэдний анхны уулзалтаас тав хоногийн дараа Вальтер бүсгүйн гарыг нь атган байж,
- Анна, хонгорхон минь, надтай гэрлээч гэжээ.
Сайхь эр бүсгүйд жаргал цэнгэл амтлагдсан ид шидийн үлгэрийн орноос нь гучин тав хүрсэн овор зүс муутай ч гэлээ дориухан инжтэй хүүхэн гэдгийг нь сануулсан бодит үнэн рүү нь татан оруулжээ.
Бүсгүй гараас нь мултрахыг оролдвол Вальтер түүнийг барьж тогтоогоод, - Бид бие биедээ хайртай шүү, Анна, Үүнээс хаашаа ч зайлж мултрахгүй гэв.
Бүсгүй худал үгийг нь амьсгаа даран анхааралтай чагнаад, “Би хэзээ ч хэнд ч дурлаагүй“ гэх залуу эрийн ов мэхийг өөгшүүлэн түүнд итгэхийг туйлаас хүсчээ. Мань эрийг өрөөндөө урин, удтал ярилцан суух зуур Вальтер Аннад өөрийн амьдралын түүхийг ярихад нь бүсгүй түүнд итгэн: “Энэ чинь миний амьдралтай тун адил юм байна шүү“ гэж боджээ.
Хувь тавилан энэ залууд Аннагаас өөр дурлах хүн байсангүй. Сулбагар өвчтэй төрсөн охин нийгмээс тусгаарлагдаж байсны адил бутач заяатай төрсөн хүү хорвоод мэндэлсэн цагаасаа эхлэн ад шоо үзэгджээ. Вальтерт бүсгүйн нэг адил хэн нэгэнд дурлах нь туйлын чухал байв. Асрамжийн газар өссөн хүү 15 нас хүрэхдээ жолоо алдам царайлаг болон асрамжийн эм сүвтэнгүүдийн тал хувь нь түүнийг орондоо оруулан, хуял тачаал тайлах янз бүрийн аргад сурган цэнгэл эдлэх хэрэгсэл болгон ашиглаж, үүнийхээ шанд хүү тансаг хоол, амттан хүртэнэ. Түүнд хайр сэтгэлээс бусад бүх юм байжээ.
Вальтер нас бие гүйцмэгц хүрээлэн байгаа ертөнц нь өлгөөд авах өөдтэй юмгүй мэт санагдаад асрамжийн газраас зугтжээ. Бүсгүйчүүдийн хувьд сайхь залуугийн гоо үзэмжид татагдан, түүнийг ердөө л зугаа гаргах тоглоом наадгай мэт болгон ашиглаад мөнгө, сайхан хувцас, үнэт эдлэл бэлэглэхээс биш төрсөн бие, үнэн сэтгэлээ хэзээ ч өгч байсангүй ажээ.
Вальтер бүсгүйн дотнын хүн нь боллоо. Хотын захиргааны байранд болсон тэдний гэрлэх ёслол үл анзаарагдам нам тайван болж өнгөрчээ.
Энэ мэдээг сонсоод эцэг нь хөл алдан баярлана гэж Анна бодож байтал тэр уур хилэндээ багтаж яджээ.
- Мангуу амьтан! гэснээ эцэг нь газар дэвслэн, - Эмс хүүхнүүдийн зугаа гаргагч садар эртэй гэрлэнэ гэнээ! Нэг ч мулгуу хүүхэн түүнтэй гэрлэхийг завдаагүй. Түүнийг бүх л амьдралынхаа турш бүсгүйчүүлийн мөнгөөр амь зуулга хийсэн гэдгийг би мэдсэн гэжээ.
- Болиоч! Та түүнийг мэдэхгүй шүү дээ! хэмээн бүсгүй хэлжээ.
Вальтер Гасснер өөрт нь гай төвөг учруулна гэдгийг Антон Рофф сайн мэдэж байлаа. Тэрээр шинэхэн хүргэнээ өрөөндөө дуудав.
Вальтер хуучны зураг өлгөсөн хар модон ханыг сэтгэл хангалуун гөлийн ширтэнэ.
- Энэ өрөө надад таалагдаж байна шүү.
- Асрамжийн газраас хавьгүй дээр гэдэгт эргэлзэхгүй байна.
Вальтер Антон Роффруу сэрэмжилсэн харц чулуудаад,
- Өршөөгөөрэй, ойлгосонгүй ? гэв.
- Дэмий яриагаа орхиё гэж Антон өгүүлээд, - Та андуурч байна. Миний охинд мөнгө байхгүй гэлээ.
Вальтерийн саарал нүд мөс шиг хүйтнээр гялалзаад ирэв.
- Таныг надад юу хэлэх гэж оролдоод байгааг чинь ойлгохгүй байна?
- Би хэлэх гэж оролдоогүй, бидэнд хөрөнгө гэх юмгүй учраас та Аннагаас юу ч олж долоохгүй гэж хэлж байна. Хэрэвзээ та ар талын байдлыг сайтар судалсан бол “Рофф ба хөвгүүд“-ийг хаалттай корпорац гэдгийг урьдчилан мэдээ биз дээ. Энэ нь түүний акц нь худалддаггүй гэсэн үг. Бид ядуу биш гэдэг үнээн. Гэхдээ бидний хөрөнгийг саана гэж байгаа бол сачий чинь хүрэхгүй.
Тэрээр халаасаа тэмтэчсэнээ дугтуй гарган ирж ширээн дээр хайш яайш чулуудаад,
- Энэ бол таны хохирлын төлөөс чинь. Оройн 6 цагаас хэтрэлгүй та Берлинээс ор мөргүй алга болох ёстой. Та өөрийнхөө тухай хэзээ ч Ананд дурсахгүй байхыг би хүсч байна гэв.
- Таны толгойд би хайртай учраас Аннатай гэрлэсэн хэмээн бодогдохгүй байна уу? гэж Вальтер тайвнаар асуув.
- Үгүй шүү гэж Антон хүйтнээр хэлээд, - Харин энэ бодол хэзээ таны толгойд орж ирэв дээ? гэжээ.
Вальтер хэсэг зуур түүнийг таг дуугүй ширтлээ.
- Би хэр зэрэг үнэтэй болохыг үзье л дээ.
Тэрээр дугтуйг задлаад мөнгийг тоолсноо, Антон Рофф тийш харлаа.
- Би ч хорин мянган маркаас илүү үнэтэй дээ.
- Үүнээс илүүг та хүртэхгүй. Танд аз тохиож гэж бод.
- Эргэлзэхгүй байна. Хэрэв та үнэнийг мэдэхийг хүсч байгаа бол намайг үнэхээр аз тохиож гэж би бодож байна. Баярлалаа.
Сайхь эр мөнгийг халааслаад хаалганы зүг эргэв.
Антон Роффын сэтгэл хөнгөрөн гүнзгий амьсгаа авлаа. Тэрээр нэгэн үе гэмшиж, хийсэн үйлээ зэвүүцэн жигшивч, дотор дуу хоолой нь түүнд үүнээс өөр шийд байхгүйг өгүүлнэ. Эр нөхөр нь хаяад явсанд охин нь зовох л байх, гэвч ямааны мах халуун дээрээ гэдэг хойно доо. Тэрээр охиндоо нас шүд, нийгмийн байр суурь тохирсон хайрлахгүй юм гэхэд нь хүн ёсоор хүндлэх, саяын хөрөнгийг нь биш, охины нь өөрийг нь илүүтэй сонирхох хүмүүстэй танилцуулах талаар анхаарна. Тэднийг хорин мянган маркаар худалдаж авахгүй нь лав.
Антон Роффыг гэртээ ирэхэд Анна түүнийг дүүрэн нулимстай нүдээр угтлаа. Тэр охиноо энхрийлэн тэврээд, - Анна, үр минь, бүх юм сайхан болно. Чи түүнийг . . . гээд түүний мөрөн дээгүүр хаалган тушаа нь Вальтер Гасснерийн зогсож байхыг гэнэт олж харав. Анна энэ мөчид гараа өргөөд,
- Вальтер надад юу худалдаж авсныг хар даа. Гоё бөгж байгаа биз? Хорин мянган маркийн үнэтэй гэнэ! гэх нь тэр.
Ингээд Аннагийн эцэг эх нь дуртай дургүй эвлэрэхээс өөр арга байсангүй. Тэд хуримын бэлэг болгох үүднээс Ванзед эртний франц тавилга, тохилог зөөлөн буйдан, номын санд нь том бичгийн ширээ, дүүрэн номтой шүүгээ бүхий байр худалдан авч өгчээ. Дээд давхрын нь 18-р зууны үеийн Швед, Данийн эртний тансаг мебелиэр чимжээ.
- Энэ ч арай хэтэрнээ гэж Вальтер Аннад хэлснээ, - Тэднээс надад юу ч хэрэггүй. Би өөрөө л чамд гоё, үнэтэйг худалдаж авч өгөхийг хүсч байна, хонгор минь гээд балчир хүүхдийн зангаар ичингүйрэн инээмсэглэснээ.
- Гэвч надад мөнгө байхгүй л дээ хэмээжээ.
- Чамд бий гэж Анна хэлээд, - Энд байгаа бүхэн чинийх гэв.
Вальтер баашлан залирхагаар инээгээд,
- Минийх ий? гэжээ.
Анна санхүүгийнхээ талаар өөрөө түүнд тайлагнав. Бүсгүй чинээлэг амьдралынхаа хэрэгцээг хангах төлбөрийн фондтой ч, түүний хөрөнгө нь “Рофф ба хөвгүүд" фирмийн акцид байгаа аж. Тэрээр захирлуудын зөвлөл дуу нэгтэй зөвшөөрсөн тохиолдолд л акцаа худалдаж чадах гэнэ.
Анна акцийн үнэлгээний дүнг хэлэхэд Вальтер чихэндээ ч итгэсэнгүй.
- Чи тэгээд өөрийн хувиа худалдах эрхгүй хэрэг үү?
- Тиймээ. Сэм үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй юм. Түүнд хяналтын пакет байдаг. Гэхдээ цаг нь ирэхээр. . .
Вальтер гэр бүлийн хэрэгт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлбэл Антон эрс татгалзаж,
- Фирмд бөөс хуурсандаа баригдсан золбин цаначин эрийн хэрэг юу байх билээ? гэж тэрээр хариулав.
Гэвч охиныхоо цөхрөлтгүй гуйсны эцэст тэрээр бууж өгөн, Вальтер фирмийн захиргаанд хэр тааруу нэгэн ажил эрхлэх болов. Өөрийн гялалзсан амжилтын ачаар тэрээр албаны шат ахин өөдөллөө. Хоёр жилийн дараа Аннагийн эцэг нь нас нөгчин, Вальтер Гасснер Зөвлөлийн бүрэлдэхүүнд оржээ. Анна нөхрөөрөө бахархана. Тэр өв тэгш нөхөр, сэтгэл догдлуулам амраг нь байлаа. Тэрээр цэцэг, сэтгэл хөдлөм бэлэг сэлт өгч, чөлөөт цагаа аль болохоор эхнэртэйгээ өнгөрөөхийг хичээнэ. Аннагийн аз жаргалд нь хэмжээ хязгаар гэж байсангүй. “Ээ Гэгээн дээд бурхан минь тандаа гялайлаа" гэж тэр Бурхныг магтан ханцуй дотроо залбирна.
Анна хонгор Вальтертаа зориулан түмэн зүйлийн хоол унд бэлтгэж сурчээ.
- Чи энэ дэлхийн хамгийн шилдэг тогооч шүү хэмээн Вальтерийг магтахад Аннагийн нүүр улайна.
Ханилан сууснаасаа хойш гурав дахь жилдээ Анна жирэмсэлжээ.
Жирэмсний 8 сарын туршид бие нь тасралтгүй өвдөвч бүсгүй шүд зуун тэсвэрлэж, харин ч тэс өөр зүйл түүнийг зовоох болов.
Энэ бүхэн Вальтерт цамц нэхэхээр баярлан хөөрсөндөө хагас ухаантай ганцаар сууж байтал,
- Ээ Бурхан минь, Анна, чи харанхуйд юу хийж сууна вэ? гэх түүний дуу хадсан тэр цагаас эхэлжээ.
Цонхны цаана таг харанхуй болж, бүсгүй цамцаа харвал нэхэж эхлээ ч үгүй байв. Яагаад ийм амархан харанхуй болчхов оо? Энэ нэгэн тохиолдлоос хойш иймэрхүү явдал дахин учирч, Аннад үл анзаарагдсан эдгээр ухаан алдалт нь удахгүй үхэхийн ёр биш байгаа хэмээн бодох болов. Бүсгүй үхэхээс эс айвч Вальтер түүний тус дэмгүй ганцаар үлдэнэ гэсэн бодол түүнийг зовоон тарчлаана.
Төрөх хугацаанаас сарын өмнө Анна нэгэн удаа муурч унаж, ухаан нь самууран шатнаас өнхөрч унажээ.
Бүсгүй эмнэлэгт сэхээ оров.
Вальтер орных нь дэргэд гарыг нь барин сууж байв.
- Хонгор минь, чи намайг их айлгалаа шүү.
Бүсгүй тэр даруй түгшин: “Хүүхэд! Хүүхэд маань мэдрэгдэхгүй байх чинь!” хэмээн мэгдэн бодоод хэвлийгээ тэмтэрвэл хав хавтгай болжээ.
- Хүүхэд! Хүүхэд минь хаа байна?
Вальтер бөхийн түүнийг тэвэрлээ.
- Хатагтай Гасснер танайх ихэр хүүхэдтэй болсон шүү гэж хаа нэгтэйгээс эмчийн хэлэх сонсогдов.
Анна нулимс дүүрэн нүдтэй аз жаргалд умбаж Вальтерийг харлаа.
- Хонгорхон минь, хүү охин хоёр шүү.
Бүсгүй дүүрэн аз жаргалаар бялхаж өөдөсхөн үрсээ барьж үзэн тэврэхсэн гэсэн тэсгэлгүй хүсэлд автав.
- Одоо энэ тухай ярихын хэрэггүй, тэнхэрчихвэл ч өөр хэрэг шүү.
Бүгд л Аннаг өдрөөс өдөрт сайжирч байна хэмээн ам амандаа батлах боловч айдас хүйдэс түүнээс салсангүй. Ойлгож чадахгүй нэгэн юм түүнд тохиолджээ. Вальтер дөнгөж л үүдээр шагаймагц гарыг нь барьснаа, тэр даруй явах болсноо дуулгаж салах ёс хийв.
Бүсгүй түүнийг гайхаж хараад,
- Үгүй, чи чинь дөнгөж ирээ. . .
Бүсгүй цаг руу харц чулуудаад тэрээр дэргэд нь бараг хоёр гурван цаг суусныг ойлгож айдаст автав.
Цаг хугацаа хэрхэн яаж өнгөрснийг тэр ойлгосонгүй.
Шөнө дундын хэрд хүүхдүүдийг нь авчирсан, гэтэл унтахыг аймшигтай ихээр хүсч байснаа, эл үзэгдэл бүдэг бадаг, бүүр түүрхэн санагдаад ирлээ. Хүүхдүүдийг нь авчирсан билүү? Бүсгүй хэн нэгнээс асууя гэхнээ ичингүйрхэв. Ээ Бурхны минь гэж! Вальтер гэртээ гаргаж аваачих тэр цагт үр хүүдийг нь түүнээс хэн ч салгахгүй.
Жаргалтай өдөр боллоо. Анна өөрөө явж чадна гээд байсан ч эмч нар түрдэг тэргэнцрээс босох хэрэггүй гэж зөвлөжээ. Үнэндээ ч тэр тамир муутай сулбагар байвч өөдөсхөн үрсээ харахаар яарсан түүнд өөрийн бие ч яамай байв. Вальтер Аннаг түрсээр гэртээ орж, тэргэнцрээс өргөн тэвэрсээр хамтдаа унтлагын өрөөндөө орох гэлээ.
- Үгүй! Намайг хүүхдийн өрөөнд аваач! гэсэнд,
- Хайрт минь, чи амрах ёстой. Чи дэндүү сул. . . гэв.
Бүсгүй түүний ятгахыг нь сонссонгүй гараас нь мултран буугаад хүүхдийн өрөө рүү гүйлээ.
Хаалга хаалттай байж хэдэн агшин саатвал Аннагийн нүд нь бүрэнхийлээд ирлээ. Баярлан хөөрсөндөө толгой эргэсэн бүсгүй ухаан алдан унахаас айжээ.
Вальтер араас нь хүрч ирээд нэгийг хэлэн тайлбарлахыг оролдон байвч,тэрээр түүнийг огт сонссонгүй.
Хүүхдүүд нь өрөөндөө өөр өөрийн орондоо амгалан тайван нойронд умбана. Анна тэднийг сэрээчихгүй гэхдээ өлмий дээрээ сэм гишгэлэн явсаар дэргэд нь хүрч очин нүд алдан ширтлээ. Тэднээс илүү хөөрхөн хүүхдүүд урьд өмнө харж байгаагүй юм байна. Хүү нь тэр чигээрээ Вальтерийн царайн төрх, сэвсгэр цайвар үсийг нь өвчсөн мэт адилхан төржээ. Охин нь бяцхан хүүхэлдэй шиг цайвар торгомсог үс, бага зэрэг гонзгой царайтай ажээ.
Анна Вальтер тийш эргэн чичгэнэсэн дуугаар,
- Ямар хөөрхөн юм бэ. Би. . . би тун их жаргалтай байна гэлээ.
- Анна, явъя гэж Вальтер шивнэв.
Түүнийг тас тэврэн биедээ наахад нь хагссан эрийн шунахай тачаалыг мэдэрсэн бүсгүйн хариу хүсэл нь оргилжээ. Тэд тун ч удаан хамт байсангүй. Вальтерийн зөв өө, хүүхдүүд хүлээж байг, тэдэнд зориулах цаг бий дээ.
Тэд хүүдээ Питер, охиндоо Бергитт гэж нэр өгчээ. Хүүхдүүд нь түүний, Вальтерийн хамт бүтээсэн бяцхан гайхамшиг. Вальтер, Анна хоёр хүүхдийн өрөөнд хэдэн цагаар суун тэдэнтэйгээ тоглож, хөөрөлдөнө. Тэд нар нь, эхийнхээ хэл яриаг ойлгохгүй ч гэсэн түүний хайр энэрлийг нь мэдэрч байлаа. Бүсгүй заримдаа тэдэнтэйгээ тоглон наадаж байгаад хаалга дуугарахад нь эргэн харвал Вальтер хэдийн ажлаасаа ирчихсэн зогсож байхыг хараад өдөр анзаарагдахгүй ямар хурдан өнгөрснийг гайхширна.
- Наашаа хүрээд ирээч. Бид гоё тоглож байна гэхэд,
- Хоол бэлэн үү? гэж Вальтер асуув.
Бүсгүй гэнэт түүний өмнө буруутайгаа ойлгов. Хойшид Вальтерт анхаарал халамж тавина гэж өөртөө ам тангараг өгсөн боловч дараагийн өдөр мөн л урьдын адил өнгөрөөжээ. Ихэр хоёр нь түүнийг соронз мэт татна. Анна Вальтерийг улам ихээр хайрлан гэмээ цагаатгахыг хичээнэ. Шөнө Вальтерийг дөнгөж унтмагц Анна босон хүүхдийн өрөө рүү мяраан гэтсээр орж, унтаж буй үрсээ зогсоо зайгүй харан сууна. Үүрийн цагаан гэгээ сүүмэлзэж эхэлмэгц бүсгүй Вальтерийг сэрэхээс өмнө амжин орондоо орох болжээ.
Нэгэн шөнө Вальтер хүүхдийн өрөөнд орж ирчихсэн,
- Ямар чөтгөрөө хийгээд чи энд ёрдойж сууна вэ? гэж түүнийг цочоожээ.
- Би.. . би. . .
- Ор руугаа яв!
Тэр хэзээ ч түүнтэй ийм өнгөөр ярьж байсангүй.
Өглөөний цайн дээр Вальтер,
- Бид амрах ёстой гэж би бодлоо. Хоёул хаа нэг тийшээ арилах хэрэгтэй гэв.
- Вальтер аа, гэхдээ аяллаар явна гэхэд хүүхдүүд маань дэндүү нялх байна.
- Би хоёр биеийнхээ тухай ярьж байна гэснээ Аннагийн гарыг нь атган авч,
- Хүүхдүүдийн тухай март гэв.
- Хүүхдүүдээ мартах ий? гээд бүсгүйн хоолой чичгэнэв.
- Анна минь хэмээн тэрээр гуйсан харцаар нүд рүү нь ширтээд,
- Чамайг жирэмслэхээс өмнө бид ямар сайхан байсныг санаж байна уу? Бид ямар сайхан зугаацан цэнгэж байв аа? Чи бид хоёр хоёулхнаа, өөр хэн ч саад хийхгүй ямар сайхан байлаа даа? гэв.
Бүсгүй тэр үед Вальтер түүнийг хүүхдүүдээс харамлаж байгааг ойлгожээ.
Хоног сарууд нисэх мэт хурдан өнгөрсөөр. Вальтер хүүхдүүдээсээ улам бүр дөлөх болов. Төрсөн өдрөөр нь Анна гайхалтай бэлэг авч өгөн баярлаж байхад Вальтер тэр үед нь аль болох гэртээ эзгүй байхыг хичээн ажил дээрээ удтал суух болов. Анна цаашид өөрийгөө хуурахыг хүссэнгүй. Вальтер хүүхдүүдээ эс тоох болсон гэдэгт Анна эргэлзэхээ больжээ. Анна тэдэндээ дэндүү татагдаж байгаа эл бүхэнд өөрийгөө буруутгана. Вальтерийн хэлснээр тэднээс болж галзуурах шахаж байв. Вальтер энэ асуудлаар эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөхөд нь бүсгүй ч түүнийг гомдоохгүй гэсэндээ зөвшөөрчээ. Гэвч уулзсан эмч нь түүнд таалагдсангүй, түүнийг ам нээж эхлэхэд Анна яриаг нь сонсохоо больж, харин эмчийг,
- Бидний цаг дууслаа, хатагтай Гасснер. Тантай ирэх долоо хоногт уулзана хэмээн найдаж байна гэж хүнгэнүүлэн хэлэхэд нь сая нэг сэрээд,
- Эргэлзэх юм алга гээд гарч явав.
Бүсгүй дахин тийш очсонгүй.
Сэтгэлийнхээ угт Анна ганцаар бүгдэд буруугүй, эл буруугийн тал хувь нь Вальтерт бий гэдгийг мэдэрчээ. Түүний алдаа гэвэл бүсгүй хүүхдүүддээ хэмээс хэтэрсэн хайртай, харин Вальтер бол хүүхдүүддээ огт хайргүйд байлаа.
Вальтерийн дэргэд бүсгүй хүүхдүүдийнхээ тухай ярихаас ч зайлсхийж, түүнийг ажилдаа явах тэр мөчийг тэсэн ядан хүлээж байгаад гарч явмагц нь хүүхдийн өрөө рүү бяцхан үрс рүүгээ гүйдэг болов Тэд гурван насныхаа ойг тэмдэглэн баярлацгааж, үр хүүхдүүд нь өсөж том болоод ямар хүн болохыг нь ганцаараа төсөөлөн сууна. Питер бие томтой, чадал тэнхээ сайтай, эцгийнхээ чийрэг биеийг дуурайн төржээ. Анна хүүгээ өвдөг дээрээ суулгаад,
- Хөөе Питер ээ, чамаас болж хөөрхий гүнж хичнээн ч их нулимсаа урсгав даа. Түүнтэй эелдэг харьцаач, хүү минь хэмээн учирлан хэлэхэд нь Питер инээгээд түүнд эрхлэн наалдав.
Анна дараа нь Бергиттаг тэвэрлээ. Алтан шар үстэй, булбарай зөөлөн арьстай Бергитта өдрөөс өдөрт улам хөөрхөн болох авай. Охин Аннагийн, Вальтерийн төрхнөөс юуг ч дуурайгаагүй ажээ. Эцгийнхээ зан ааш авирыг яг хуулан төрсөн Питерийг дуулгаваргүй загнасных нь хариуд Анна үе үе зөөлхөн шиг таван салаа боовны амт үзүүлэхэд хүрдэг болов. Бергитта нь тэр чигээрээ ёстой л нэг сахиусан тэнгэр гэлтэй. Вальтерийг эзгүй үед нь Анна тэдэнд пянз тавих эсвэл ном уншиж өгдөг байв. Тэдэнд үлэмж биет махчин, гэрийн онгон, эм шулмын тухай үлгэр таалагддаг агаад цаг үргэлж сонсоход бэлэн. Тэрээр хүүхдүүдээ унтуулахдаа үргэлж бүүвэйн дуу аялна.
Анна чин сэтгэлээрээ цаг хугацаа Вальтерийн хүүхдүүддээ хандах хандлагыг өөрчилнө хэмээн найдаж шөнө нь энэ тухай бурхнаас гуйн залбирна. Цаг хугацаа ч эцэг, хүүхдүүдийн харьцааг өөрчилж, түүнийг улам хэрцгий болгожээ. Үр хүүхдүүдээ үзэн ядах болов. Эхэн үедээ Анна нөхөр нь зөвхөн ганцаар түүнийг өмчлөн өөрийг нь хэнтэй ч хуваалцахыг хүсэхгүй байна гэдэгт өөрийгөө итгүүлж байлаа. Цагийн эрхээр бүсгүй түүнийг хайрлан харамлаж байна гэж ярихын ч хэрэггүй болсныг ухааран, харин ч түүнийг үзэн ядаж буйг ойлгов. Эцгийнх нь зөв байжээ. Вальтер түүний мөнгө хөрөнгөнд нь шунан суусан ажээ. Гэвч түүний замд хүүхдүүд хөндөлдсөн тул тэрээр тэднээс ангижрах ёстой болж, Аннаг өөрийн акцийн хэсгийг зарахыг бүр ч ихээр ятгах болжээ.
- Сэм бидэнд саад болох эрхгүй! Мөнгөө аваад эндээс зайлж одъё. Чи бид хоёр, бидэнд өөр хэн ч хэрэггүй гэнэ.
Бүсгүй түүнийг таг дуугүй хараад,
- Хүүхдүүдээ яах вэ? гэвэл,
Түүний нүд нь тэчьядан гялалзаж,
- Хүүхдүүдийн хэрэг юу байна аа? Чи бидний тухай яригдаж байна. Бид тэднээс салах хэрэгтэй. Өөрсдийнхөө төлөө үүнийг хийх ёстой байна гэжээ.
Ийнхүү хэлэхэд бүсгүй түүнийг солиотой юм байна гэдгийг нь ухаарч, үнхэлцгээ хагартал айжээ. Ингээд Вальтер 7 хоногтоо ганц удаа ирж цэвэрлэгээ хийдэг үйлчлэгчээс бусад бүх зарц нараа халж, Анна ганцаар хүүхдүүдийнхээ хамт гүүний эрхэнд үлджээ. Түүнийг гэр бүлийнхнээс нь тусгаарлах хэрэгтэй болжээ. Галзуу өвчтэй эрийг эмчилнэ гэхэд хэдийнээ оройтсон бололтой. XV зууны галзуучуудыг дибийлүүдийн хөлөг хэмээгч байранд хорьдог байсан бол, өнөө үед орчин үеийн эмнэлэгт Вальтерт тус болох ямар ч болов хэрэгсэл байх бизээ.
9 сарын энэ нэгэн өдөр Анна Вальтерийн цоожилж орхисон унтлагын өрөөнийхөө шалан дээр түүнийг эргэж ирэхийг хүлээн сууна. Бүсгүй түүний төлөө, өөрийнхөө төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Тэр өндийн босч найгасаар утас руу хүрч очоод хэсэг тээнэгэлзсэнээ харилцуур аван цагдаагийн яаралтай тусламжийн 110 дугаарт залгав.
Харилцуурт үл таних дуу сонстон,
- Сайн байна уу. Цагдаагийн газрын жижүүр сонсож байна. Танд юугаар туслах вэ? гэв.
- Туслаарай! гэж хоолой чичгэнүүлээд, - Надад. . .
Гэнэт хаанаас гарч ирсэн юм бүү мэд, нэгэн гар гарч ирээд харилцуурыг шүүрэн авч, утсыг нь тасаллаа.
Анна айсандаа ухасхийн зайлаад,
- Намайг битгий зодоорой гээд гэдрэг ухран гиншин уйллаа.
Вальтер хилэнт нүдлэн улангасан түүн рүү аажим дөхөн бүсгүйг үг бүрийг нь сонсог гэсэндээ намуухан гэтүүр дуугаар,
- Хонгорхон минь, би чамд хуруу ч хүргэхгүй. Би чамд хайртай, чи үүнийг мэднэ биз? гээд түүнд аяархан хүрэхэд нь бүсгүйн хамаг бие зарсхийлээ.
- Бидэнд ямар ч цагдаа хэрэггүй биш үү, аан?
Хүүхэн айсандаа амаа ч ангайж зүрхэлсэнгүй зөвхөн толгой дохилоо.
- Хүүхдүүд бүх юманд буруутай, Анна! Бид тэднээс салах болно. Би. . .
Доор давхарт хаалганы хонх дуугарах сонстлоо. Вальтер ч байрандаа хөшиж орхив. Хонх дахин дуугарлаа.
- Эндээ намайг хүлээ. Юу болоод байгааг нь мэдээд ирье гэж зарлигдав.
Бүсгүй хөдлөхөөс ч айн түүнийг өрөөнөөс гарч явахыг нь, хаалгаа хамаг хүчээрээ хаагаад түгжихийг нь сонслоо.
“Эндээ намайг хүлээ!" гэж хэлсэн нь чихэнд нь чийртэй гэгч нь хангинав.
Вальтер Гасснер доош гүйн очиж үүдээ нээлээ. Босгон дээр саарал өнгийн дүрэмт хувцастай нэгэн эр гартаа том гэгчийн дугтуй барьжээ.
- Би үүнийг ноён, хатагтай Гасснер нарын гарт нь өгөх ёстой.
- Өгөөдөх. Би Вальтер Гасснер байна хэмээн Вальтер хэлжээ.
Тэр үүдээ хаагаад дугтуйг задлан түүн дэх мэдээллийг уншив.
“Сэм Рофф ууланд авиралт хийж яваад зуурдаар амь алдсаныг гүн эмгэнэлтэйгээр мэдэгдье. Цюрихт баасан гаригийн үдээс хойш Захирлуудын зөвлөлийн яаралтай хуралд ирэхийг хүсч байна"
гээд доор нь “Рис Уильямз" гарын үсгээ зуржээ.

_________________
Avatar by Someone


Last edited by ||someone|| on Feb.12.16 11:06 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.28.16 12:21 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
За эндээс хүн амьтан ном уншдаг хэвээрээ юм болуу? Энэ номыг оруулвал унших хүн байх болуу?

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Jan.28.16 3:28 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
Уншаагүй л ном бна үргэлжлүүлээрэй хө


Top
   
PostPosted: Jan.31.16 2:25 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Орж ирэхээр шинэ ном ерөөсөө байхаа больчихоод байсын... Харин гоё зохиол оруулж байгаа юм байна. Уншаагүй ном байдаг шүү. Үргэлжлүүлээд байгаарай...GOOD LUCK


Top
   
PostPosted: Feb.01.16 12:17 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
unshiya, unshiya, bur horhoi hurchlee [color=#800040][/color]:cheerleader:


Top
   
PostPosted: Feb.01.16 12:19 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
shine nom orj uu gej bainga l shalgadag.ashguide


Top
   
PostPosted: Feb.01.16 12:20 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
shine nom orj uu gej bainga l shalgadag.ashguide


Top
   
PostPosted: Feb.01.16 6:39 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 3.

9 сарын 7. Даваа гариг. 18.00
Цусанд будагдсан нүүртэй Иво Палацци унтлагын өрөөний голд зогсоод,
- Ээ, гэгээн сахиус минь! гэв.
- Адгийн шаар чамайг тонилгоод өгнө өө? хэмээн Донателла бүсгүй улаан нүүрэн дээр нь хараал урсгана.
Эл яриа Монтеминайо дүүрэг дэх тэдний гэрийн унтлагын өрөөнд бие биесийн өөдөөс харан чармай шалдан зогсох тэдний дунд болж байв. Иво Палаццид энэ хорвоо дээр Донателлагийнхаас илүү сэтгэл уяран дур хөдөлгөх гоолиг бие үзсэнгүй, тэр тусмаа Донателлад нүүрээ самардуулан цусаа шүүрүүлээд зогсож байхдаа ч гэсэн салтаан завсар нь дадал болсон тааламжтай мэдрэмж нь сэргэхийг тэрээр мэдэрлээ Dio, тэрээр үнэхээр гоо үзэсгэлэнтэй аж! Түүнд хослон байгаа үл ойлгогдох ариун ёс суртахуун, шалиг завхай явдал нь мань эрийг бүр солиоруулж гүйцжээ. Бүсгүйн ирвэснийх мэт гурвалжин, өргөн нүүр шанаатай, шимэн озох зузаан улаан уруул түүнийг. . .үгүй, одоо энэ тухай бодохгүй байсан нь өлзийтэй. Тэрээр цусаа арчихаар сандал дээрээс нэгэн цагаан даавуу шүүрэн авсан нь өөрийнх нь цамц байсныг дэндүү хожуу мэджээ. Донателла асар том орныхоо голд зогсчхоод хар тэнхээгээрээ,
- Өөдгүй новш чамайг ингэж л байвал таарна! Өмхий банзал минь, цусаа гоожуулаад үхэх чинь тэр дээ! хэмээн бархирна.
Иво Палацци ийм тэнэг байдалд хэрхэх ёстойгоо өөрөөсөө хэдэн зуун удаа асууж байв. Тэр өөрийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хунд тооцож, найз нар нь түүнтэй санал нэг байдаг байв. Найз нар нь бүгдээрээ шүү! Яагаад гэвэл Ивод дайсан гэж үгүй. Гэрлэхээс өмнө тэр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн Италийн бүх эрчүүдийн тэн хагас нь атаархдаг дон Жиованни байжээ. Түүний гүн ухаан нь ердөө л “Хүүхнүүдийн хайр хүндлэлийг тат!“ гэсэн ганцхан хэллэгт багтдаг. Тэрээр үнэнхүү бодь сэтгэлтэй эр ажээ. Газрын үндэс, тэнгэрийн од шиг учир тоймоо алдтал олон удаа дурлаж, хуучин амрагаасаа салах гэхдээ шинэхэн янагаа сонгодог байлаа. Иво үзэсгэлэнтэй сайхныг нь бахдан бүсгүйчүүлийг ихэд эрхэмлэн хайрлах авч америк хүүхнийг эс тооно. Учир нь тэдний хэт биеэ даасан эрх тэгш байдал түүний дургүйг нь хүргэнэ.
Иво учирдаг бүсгүйчүүлээ таван үе шатанд хуваана. 1-р шатных нь дөнгөж танилцсан хүүхнүүд. Тэрээр тэдэнд өдөр бүр утасдаж, цэцэг, эротик яруу найргийн ишлэл бэлэглэнэ. 2-р шатных нь хүүхнүүд шоколадаар дүүргэсэн шаазан эсвэл даруухан савлагаатай бэлэг хүртээнэ. 3-р шатныхаа бүсгүйчүүлд үнэт эдлэл, хувцас бэлэглэн, “Эль Туп“, “Тавори Флавна“-д хоолонд урина. 4-р шатных нь түүний өвөрт орж, амраг эрийнхээ урлагийг бахдан цэнгэгч бүсгүйчүүл багтана. Иво Маргутта дүүрэгт тусгай байр хайж олон, битүү цэцгээр дүүргэн, шилсэн бүсгүйнхээ аяыг даган сонгодог хөгжим, дуурь эсвэл рок хөгжим тавих зэргээр янаг амрагийн болзоондоо ихэд анхааралтай ханддаг аж. Иво агуу тогооч агаад түүний хоолны эрхэм дээж нь анчин маягаар бэлтгэсэн дэгдээхэй. Үдийн хоолны дараа хүйтэн шампанскыг оронд нь тухлуулан өгдөг ажээ. . . Иво ч 4-р шатныхаа бүсгүйчүүлийг ихэд эрхэмлэнэ!
Гэхдээ 5-р шатных нь хамгийн эелдэг энхрий, сэтгэл хөдлөм хагацлын үг, үнэтэй бэлэг, нүд дүүрэн нулимстай үлддэг ажээ.
Энэ бүхэн одоо хэдийн ард хоцорчээ. Иво Палацци орны дэргэдээс толь руу харц чулуудан самардуулан цус шүүрэх нүүрээ харснаа айн балмагдав. Яг л өвс хамагч машинд өртсөн золгүй амьтан шиг харагдана.
- Намайг яаж орхисноо хараач! хэмээн орилоод,
- Сага, чи үүнийг санаатай хийгээгүйг би мэдэж байна гэв.
Тэрээр ор руу дөхөж, Донателлаг тэврэхийг оролдов. Бүсгүйн зөөлөн гар түүнийг тэврэн авснаа, мань эрийг биедээ наалдуулахаар шахтал яг зэрлэг муур аятай хилэгнэн урт хумсаа түүний нуруунд нь шигтгэлээ. Иво ч өвдсөндөө чарлахад нь,
- Орилж үз! гэж Донателла хашгирснаа, - Гарт минь хутга байсан ч болоосой, чиний шодойг чинь огтчиж аваад ам руу чинь чихэхсэн! гэлээ.
- Бурхныг бодож чимээгүй болооч гэж Иво түүнийг аргадаад,
- Хүүхдүүд байна шүү! гэв.
- Тэгээд яагаав! гээд бүсгүй тайвширсангүй, - Хайртай эцэг нь ямар шаар болохыг тэд мэдэж авах цаг нь. . .
Тэрээр түүн тийш ойртон, - Carissima. . .
- Надад бүү ойрт! Чамтай хавьтсанаас гудамжинд гарч эхний тааралдсан тэмбүүтэй согтуутай хавьтсан нь хол дээр.
Иво хор шарыг нь малтахаар,
- Миний хүүхдүүдийн эх үүнийг хэллээ гэж үү! гэхэд,
- Харин чи юу хэлүүлэхийг хүсээ вэ? Чам шиг шаартай өөрөөр яаж ярих болж байна? гээд Донателла улам орилон, - Өөрөөр байхыг хүсч байна уу, тэгвэл миний хүссэнийг өгөөдөх! гэлээ.
Иво үүд рүү болгоомжлон харлаа.
- Carissima, чадахгүй нь. Надад байхгүй байна шүү дээ!
- Олох л болж дээ! Чи чинь олно гэж тангараглаа биз дээ хэмээн хашгирав.
Бүсгүй дахиад л хийрхэж эхэлчихсэн тул Иво хөршүүдийг дахин цагдаа дуудахаас нь наана эндээс хурдхан явсан нь дээр гэж бодлоо.
- Сая доллар олоход хугацаа хэрэгтэй гэж намуухан өгүүлээд, - Би хичээнэ. Би чамд саяыг олж ирнэ гээд тэрээр дотоож, өмд, оймсоо шалавхан өмсөж эхлэхэд нь Донателла хараалч эм аятай өрөөн дотуураа нааш цааш холхиход чавхайсан сайхан хөх нь түмбэлзэн амьсгаадна. “Бурхан минь гэж, яасан ч сайхан хүүхэн бэ дээ? Би ч түүнд ухаангүй дурлачихжээ!" гэж Иво бодоод цусанд будагдсан цамцаа шүүрэн авч тэр чигээр нь өмсөхөөр, цамцаа углатал ар нуруу, цээж нь наалдан хүйт оргив. Сүүлийн удаа толинд өөрийгөө харвал нүүрэн дээр нь Донателлагийн хумсны оромноос үлдсэн шалбархайнаас нь цус шүүрсэн хэвээр байх ажээ.
- Carissima, би одоо эхнэртээ юу гэж хэлэх болж байна даа?
Иво Палаццигийн эхнэр нь италийн салбарын өв залгамжлагч, Роффын гэр бүлийн нэг Симонетта Рофф ажээ. Тэр Порто-Эрколе дэх Роффын сэрүүн лавранг барих ажлыг удирдах архитекторын хувиар очихдоо эхнэртэйгээ танилцсан юмсанж. Симонеттагийн харц Иво дээр туссан тэр мөчөөс эхлэн түүний гоонь эрийн амьдрал дуусгавар болж, эхний шөнөдөө л түүний 4-р шатны учралд хүрсэн төдийгүй хэдхэн хоногийн дараа гэхэд түүний нөхөр нь болчхов. Симонетта гоо үзэмжинд ч, шийдвэртээ ч татгалзаж болохгүй байв. Тэр Иво Палацциг хүсч байгаа гэдгээ сайн мэдэж байлаа. Ингээд Иво нүд цавчилах завдалгүй алмайрсан гоонь эрээс залуу, үзэсгэлэнтэй өв залгамжлагчийн нөхөр болон хувирчээ. Тэрээр архитекторын хүсэл тэмүүллээ орхин “Рофф ба хөвгүүд“-дэд тохилог сайхан оффист ажиллах болов.
Иво фирмд орсон цагаасаа эхлэн хур баян амжилт дагуулжээ. Ухаантай, авьяаслаг түүнийг хувь заяа нь хөсөр хаясангүй. Үргэлж инээмсэглэх, эелдэг, сэтгэл татам Ивог хайрлахгүй байхын аргагүй. Найзууд нь түүний найрсаг занд атаархан, амжилттай яваад нь гайхна. Үүний хариу тун хялбархан, Иво өөрийн зүрх сэтгэлийнхээ хар талыг нь сайтар нууж чаддагт л байв. Үнэндээ бол тэр хэтэрхий их сэтгэлийн хөөрөлтэй тул эмзэг зүйл болоход гялсхийн уурлаж, хэрцгийгээр үзэн яддаг. Энэ үедээ хүн ч алж мэдэх нэгэн билээ.
Симонетта тэр хоёрын хамтын амьдрал ямар ч төвөггүй эхлэв. Эхэндээ тэрээр гэрлэлт түүнийг гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй мэт болгох бий хэмээн эмээж байсан нь дэмий нэгэн айдас байжээ. Тэрээр найз бүсгүйчүүлээ тун хянуур сонгон, тэднийхээ тоог цөөлөв.
Симонеттагийн эцэг тэдэнд Римээс хорин таван километрийн зайтай орших Олгиат дүүрэгт үргэлжид хаалттай асар өндөр хаалгаар хамгаалагдсан, дүрэмт хувцастай харуул манаатай хувийн сайхан байр худалдан авч өгчээ.
Симонетта тун сайн эзэгтэй. Тэрээр Ивог ихэд хайрлан түүнийг хаан мэт дээдэлнэ. Хэрэв Симонеттаг хардаж эхэлбэл яг л ясчин болон хувирдаг гэмтэй. Нэг удаа тэр Иво фирмийн нэгэн үйлчлүүлэгчтэй Бразил руу хамт явлаа хэмээн хардахад тэр биеэ өмөөрөн эсэргүүцэн уурлажээ. Эл маргаан дууссаны эцэст гэрт нь бүтэн эд хогшил үлдсэнгүй. Ихэнх нь Ивогийн тархинд нь буун хагарч эвдэрсэн байна. Шулам болон хувирсан Симонетта эцэст нь хутга шүүрэн авч Иво руу дайрч, Иво ч хүч хэрэглэх хэрэгтэй боллоо. Тулалдааны ид дунд улаан галзуу хоёр шалан дээр өнхрөн унахад Иво эхнэрийнхээ хувцсыг нь тайчин түүний уур цухлыг нь мартуулах боломжтой бүхнийг хийж эхэлжээ. Энэ явдлаас хойш Иво ихэд сэрэмжлэх болов. Тэрээр үйлчлүүлэгч бүсгүйдээ галт тэргэнд хүргэж өгч чадахгүйгээ мэдэгдэн, эл өчүүхэн явдлыг тас мартахыг хичээжээ. Эхнэр Симонетта нь залуу, үзэсгэлэнтэй, ухаалаг баян тул тэрээр амьдралдаа аз тохиосон гэдгээ мэднэ. Тэдний санаа яв цав таарч нэг л зүйл, нэг л хүмүүсийг таална. Гэрлэлт нь үлгэр жишээ байсан Иво заримдаа эхнэрээ араар тавимаар аазгай нь хөдлөн 2-р шатны хүүхнээс нэгийг 3-р шатанд, 4-р шатны хүүхнээс нэгийг нь 5-руу оруулах уу хэмээн өөрөөсөө асууснаа эргэлт буцалтгүй гүн ухаан гарган мөрөө хавчисхийн, “Хэн нэг нь энэ хүүхнүүдийг аз жаргалтай байлгах ёстой биз!" гэж өөртөө хариулна.
Гэрлэснээс хойш гурван жилийн дараа Иво Сицилд томилолтоор явж байгаад Донателла Сполинитай учирсан ажгуу. Тэд соронзон адил бие биедээ татагдан ховстогджээ. Симонетта танхилхан, эмзэг, залуухан яг л бяцхан хүн хөшөө шиг, харин Донателла уриалан дуудах зүйрлэшгүй
гоо үзэмж, тачаал сүүмэлзэх ногоон нүдээрээ Ивог хормын төдийд уугиулж орхив. Анх нүүр тулан учраад хагас цагийн дараа гэхэд тэд хэдийн оронд орчихсон, Иво шинэхэн амрагийнхаа хосгүй чадавхыг бахдан хэвтэж байжээ. Донателла түүний урьд өмнө амсаж үзээгүй, мөрөөдөж зүрхлээгүй жаргалыг нь амтлуулжээ. Тэрээр мань эрийн дундаршгүй дүр хүсэл, омог тачаалыг нь номхтгоход, Иво санаанд оромгүй жаргалдаа умбан хэрэвзээ Донателлаг алдах юм бол өөрийгөө хэзээ ч өршөөхгүйгээ ойлгон нүдээ тас анин оронд хэвтсэн хэвээр...
Ингээд Донателла түүний нууц амраг нь болж, эхнэрээсээ бусад бүх хүүхнүүдээсээ салах цорын ганц болзол тавьжээ. Иво ч дуртай гэгч нь зөвшөөрөв. Энэ явдал тэртээ 8 жилийн өмнө болсон агаад тэр цагаас хойш Иво өдгөөг хүртэл эхнэрээ ч, нууц амрагаа ч араар нь тавьсангүй. Хоёрын хоёр ханахаа мэдэхгүй тачаангуй хүүхнүүдийг нэгэн зэрэг хангана гэвэл ямар ч эрийн тамир тасрахсан, гэтэл Иво огтхон ч зүдэрсэнгүй. Харин бүр эсрэгээр Симонеттатай энгэр зөрүүлж байхдаа Донателлагийн махлаг бие хааг бодоод, эхнэртээ шүргэхийн төдийд шунал тачаал нь оволзоно. Харин Донателлатай хавьтаж байхдаа Симонеттагийн залуу сайхан хөх, давчуу бяцхан эрхтэнг бодмогц тачаал нь жолоо үгүй оргилно.
Иво зав гармагц очиж байхаа бодон Донателлад Монтеминай дүүрэгт тансаг сайхан байр худалдан авч өгчээ. Тэрээр өөрөө өөртөө гэнэтийн томилолт зохиогоод тэр газар руугаа явахын оронд Донателлагийн өвөрт хэвтэж байдаг байв. Нэгэн удаа мань хүн “Квин Элизабет- 2” гэдэг усан онгоцоор, Нью-Йорк орохоор Симонеттатай явж байтал Донателлатай тааралдаж түүнд хөлөг онгоцны доод давхарт нь өрөө худалдан авч өгчээ. Энэ таван хоног түүний амьдралын хамгийн хэцүү, хамгийн аз жаргалтай өдрүүд байлаа.
Симонетта хөл хүндтэй болсноо дуулгасан тэр үдэш Иво хязгааргүй жаргалтай байв. Гэтэл 7 хоногийн дараа Донателла- мөн л түүнд жирэмсэлснээ дуулгаж тэрээр ёстой л нэг жаргалдаа умбах нь тэр. “Бурхан надад юуны төлөө ийнхүү хайр хишгээ хүртээнэ вэ?“ гэж өөрөөсөө олонтаа асууна.
Цаг хугацаа өнгөрөн Симонетта охин, долоо хоногийн дараа Донателла хүү төрүүлсэн аж. Эр хүн үүнээс илүү юу хүсэх билээ? Гэвч бурхан таалан соёрхсон хэвээр хэсэг хугацааны дараа Донателла дахин хөл хүндтэй болсны мөн л долоо хоногийн хойхно Симонетта дахин жирэмсэлжээ. 9 сарын дараа Донателла бас нэг хүү, Симонетта бас нэгэн охин Ивод бэлэглэжээ. Дөрвөн сарын дараа хоёр хүүхэн дахин жирэмсэлцгээж энэ удаа мөн тээн төрүүлэхээр шийдсэн ажээ. Иво ч Симонеттагийн хэвтсэн “Сальвадор Мунди“, Донателлаг хэвтсэн “Санта Квера" хоёр эмнэлгийн дунд “раккардо- анулар" машинаараа холхино. Тэрээр хоёуланд нь сарнай цэцгийн тэвэр дүүрэн баглааг илгээн шинэ мэндлэх үрсээ хүлээнэ. Иво нааш цааш яаран холхиж, тэдэнтэй уулзаагүй ч гэлээ хоёуланг нь өрөвдөн хайрлаж, сайн сайхныг ерөөнө.
Донателла хүү, Симонетта бас нэгэн охин төрүүлжээ.
Иво заримдаа энэ бүхэн эсрэгээр байхгүй яав хэмээн мөрөөднө. Заяа төөргөөрөө эхнэр нь охид, харин нууц амраг нь хөвгүүд төрүүлсэн, гэтэл мань хүн түүний нэрийг хүүд нь залгамжлахыг хүсэх авч, тэрээр энэ дэлхийн туйлын аз жаргалтай нэгэн байв. Өөрийн гурав, гэрээс гадуурх гурван хүүхдээ тэр нэгэн зэрэг хайрлах ёстой болжээ. Тэрээр тэднийгээ бүгдийг нь хайрлан, төрсөн өдөр, нэр усыг нь хольж хутгах юмгүй мэддэг үлгэр жишээ эцэг болов. Охидыг нь Изабелла, Бенедетта, Камила, хөвгүүдийг нь Франческо, Карло, Лука гэх ажээ.
Хүүхдүүд өсч өндийхийн хэрээр Ивогийн амьдрал улам төвөгтэй болж эхэллээ. Хүүхдүүд нь өөр өөр сургуульд явах талаар тэр анхаарч охидоо Кассиа дүүрэг дэх Францын Гэгээн Доминиагийн дэргэдэх сургуульд, банди нараа Массимо дахь Иезутийн сургуульд оруулжээ. Иво бүгдийнх нь багш нартай уулзан бүгдийнх нь сэтгэлийг татжээ. Тэр хүүхдүүдээ гэрийн даалгавраа хийхэд нь туслан, хамт тоглон, эвдэрсэн тоглоомыг нь засаж сэлбэнэ. Хоёр гэр бүлийг амжилттай удирдахад асар их чадвартай байх хэрэгтэй, гэвч Иво энэ бүхнийг өлхөн дөнгөж байв. Тэрээр . чухамдаа үлгэр жишээ эцэг, нөхөр, нууц амраг байлаа. Зул сарын баяраар Симонетта, Изабелла, Бенедетта, Камиллатайгаа өнгөрөөгөөд 1 сарын 6-нд Befana-гийн өдрөөр Befana-гийн өмсгөл өмсөн Франческо, Карло, Лукадаа дуртай хар мөсөн чихэр өгдөг байв.
Тэр гоо үзэсгэлэнтэй эхнэр, нууц амраг, хөөрхөн хүүхдүүдээрээ ихэд бахархана. Түүний амьдрал бахдам сайхан байлаа.
Гэвч- бурхан тэнгэр түүнийг мартан хөсөрт хаясан тийм нэгэн өдөр иржээ.
Хаа нэгтээ учирдаг гай зовлон гэнэт эхэллээ.
Тэр өглөө Симонеттатайгаа эр биеийн цэнгэл эдэлчхээд ашигтай ажил шалавхан амжуулчих санаатай шууд ажил руугаа явлаа. Өдрийн нэг цагт нарийн бичгийн даргадаа (Симонетта нарийн бичгийн даргыг нь эр хүн байлгана хэмээн зүтгэжээ) үдээс хойш хуралд сууна гэж хэлжээ.
Сэтгэл хөдөлгөсөн цэнгэл эдлэхээ бодон инээмсэглэсээр сүүлийн арван долоон жилийн турш метро барьж буй Лунга Теверийн гудамж дахь барилгын хаалтыг тойрон Корсо-Франсиагийн гүүрийг хөндлөн гарсаар гучин минутын дараа Монтеминайгийн байрныхаа гараашт орж ирлээ. Иво байрны үүдийг нээмэгц нэг л ер бусын аймшигтай юм болсныг ойлгов. Франческо, Карло, Лука гурав чангаар уйлан Донателлагийн тэвэрт наалдацгааж, Иво түүн тийш дөхтөл түүний царайд өөрийг нь үзэн ядсан янз тодорч байхыг хараад тэрээр хаалга эндүүрэн өөр айлд ороод ирсэн юм биш байгаа гэж бодсон аж.
- Зайл цаашаа! гэж хүүхэн хашгирав.
Иво сандран гэдрэг эргэн харлаа.
- Амрагхан минь, хүүхдүүд минь юу болоо вэ? Би юунд буруутай болчхов оо?
Донателла босч ирлээ.
- Ийм л юм болчихлоо! гээд тэрээр мань эрийн нүүр рүү “Oggi” сэтгүүл шидээд, - Наадахаа үз! гэлээ.
Юу болсныг ойлгоогүй Иво тонгойн шалан дээрээс сэтгүүлийг авав. Сэтгүүлийн нүүрэн дээр Симонетта болон охидынхоо хамт авахуулсан зураг өөрийг нь харж байх шиг. Зургийн дор нь: Гэр бүлийн эцэг хэмээн гарын үсэг зуржээ.
. Тэнгэр минь гэж! Тэр яагаад үүнийг мартчихав аа? Хэдэн сарын өмнө сэтгүүлийн газраас түүний тухай өгүүлэл бичихээр асуухад нь дүүрчихсэн маанаг толгой зөвшөөрсөн юм. Иво хэрхэхээ шийдэж ядаад цурхиран уйлах нууц амрагаа тэвэрт нь наалдсан хүүхдүүдээ хараад,
- Би бүгдийг тайлбарлаж . ..
- Сургуулийн нөхөд нь тэдэнд хэзээний бүгдийг тайлбарлачихсан гэж хүүхэн чарлаад, - Сургууль дээр нь тэднийг хоноцын хүүхдүүд гэсэн гээд уйлж ирцгээсэн! гэлээ.
- Сага, би. ..
- Байрны эзэн, хөршүүд биднийг яг л цөөвөр чоно мэт ширтэн уяман өвчтэй амьтад шиг дөлж зугтацгааж байна. Бидэнд гадагш гарах ч ичгэвтэр боллоо. Бид эндээс даруйхан явах хэрэгтэй болоод байна.
Иво түүнийг гайхан ширтээд, - Чи юу ярина вэ? гэхэд нь,
- Би хүүхдүүдээ аваад Римээс явлаа гэв.
- Гэхдээ энэ чинь миний хүүхдүүд шүү дээ гэснээ Иво дуугаа өндөрсгөөд, - Чи ингэх хэрэггүй! гэлээ.
- Саад хийхийг оролдвол алж орхино шүү!
Энэ бүхэн ёстой аймшиг байлаа. Тэрээр хайртай хүүхнээ, гурван хүүгээ харан нулимс дуслуулан байж: “Яасан гэж, би ийнхүү шийтгүүлж байгаа юм бэ? “ гэж бодов.
Донателла бодлоос нь ангижруулан, - Явахаасаа өмнө би сая доллар авмаар байна, бэлнээр шүү гэлээ.
Иво инээд алдана гэхэд ёстой нэг дэмий хэрэг болох биз.
- Сая долл.. .
- Эсвэл сая доллар, үгүй бол би эхнэрт чинь утастлаа.
Энэ бүхэн 6 сарын өмнө болжээ. Донателла ийнхүү заналхийлээд байгаагаа хараахан гүйцэлдүүлээгүй боловч түүнийг яаж ч мэднэ гэдгийг нь Иво сайн мэдэж байв. Хүүхэн түүнээс салж өгсөнгүй, өдөр бүр ажил руу нь утасдан,
- Чиний яаж олох чинь надад огт хамаагүй, гагцхүү надад мөнгө л хэрэгтэй. Аль болох түргэн гэнэ.
Ивод энэ их мөнгийг олох цорын ганц арга нь “Рофф ба хөвгүүд“- ын өөрийн хувийн акцыг захирах эрх олж авах явдал байв. Гэвч үүнийг хийхэд Сэм Рофф саад болоод байлаа. Сэм концернийн акцийг чөлөөтэй худалдахыг хориглоод байгаа нь түүний гэр бүлийн бүрэн бүтэн байдал, түүний хойч ирээдүйд нь аюул учруулна. Иймээс түүнийг замаасаа зайлуулах хэрэг болох хүмүүсийг олох зайлшгүй хэрэгтэй болов.
Хамгийн харамсалтай нь түүний хайртай, тачаангуй нууц амраг Донателла нь хавьтуулахаа огт больжээ. Ивод хүүхдүүдтэйгээ уулзахыг зөвшөөрсөн боловч унтлагын өрөөнд орох асуудал уулзалтынх нь хөтөлбөрт орсонгүй.
- Мөнгө авчирсан цагтаа л ханатлаа хүссэнээрээ надтай унтаарай гэж Донателла амлав.
Цөхрөнгөө барсан тэрээр нэгэн орой бага ч болов уярах болов уу хэмээн түүн рүү утасдаж,
- Би чам дээр очлоо. Мөнгөний талаар санаа зоволтгүй гэв.
Мань эр Эхлээд түүнтэй унтчихаад, дараа нь түүнийг жаахан хүлээ хэмээн ятгана гэж бодож байв. Үүнээс ч өөр арга байсангүй. Бүсгүйг бараг л нүцгэлчхээд бүх юм юу юугүй о’кей болох гэж байтал гэнэт мань эрийн эз нь татсан уу, - Хонгор минь, надад мөнгө хараахан алга, гэхдээ нэгэн сайхан өдөр. . . гэж хэл нь халтиран хэлчхэв.
Ингээд л хүүхэн түүн рүү зэрлэг мий шиг ассан нь тэр ажээ.
Иво Донателлагийн гэрээс гаран (одоо л тэр тэдний гэр гэх болжээ) машиндаа суун Кассиа дүүрэг тийш эргэн Олгиата дахь гэрийнхээ зүг хар хурдаараа давхилаа. Урд толиндоо өөрийгөө харвал цус нь шүүрэхээ зогсчихсон хэдий ч самардсан нь улаан гувруу татуулан тод гэгч нь зурайн үзэгдэнэ. Тэр цус болсон цамцаа нэг харлаа. Симонеттад нүүр, нурууныхаа самардуулсныг юу гэж хэлэх вэ? Иво гэнэт түүнд хамаг үнэнээ хэлэхээр шийдсэнээ, тэр даруй энэ мунхаг бодлоо хөөн зайлуулав. Тэр ичгүүр сонжуураа алдан Симонеттад сэтгэлийн тэнхээ алдууран нэг хүүхэнтэй энгэр зөрүүлтэл, тэр нь түүнээс жирэмсэлсэн хэмээн хэлж чадах боловч тэрээр нойтон голтойгоо үлдэх эсэхээ яахан мэдэх билээ. Гэтэл гурвын гурван хүү байдаг. Гурван жилийн туршид уу?
Одоо түүний амь улаан мөнгөний ч үнэгүй болжээ. Иво өнөөдөр заавал харих ёстой байдаг. Симонеттад ажил алба гарч саатахгүй гэж хэлсэн, тэр ч бүү хэл тэднийх зочин хүлээж байгаа ажээ. Урхи хавх ч ёстой нэг хав хийтэл хавчаад авах нь тэр ээ. Салах нь гарцаагүй болов. Одоо түүнд сахиусан тэнгэр Генаро ч тусалж чадна гэж үү.
Санаандгүй байтал түүний харц гудамжны хоёр талаар ярайх олон хаягны нэгэн дээр нь туслаа. Тэрээр хурдаа саан, явган хүний зам руу шахан зогсов.
Гучин минутын дараа Иво гэрийнхээ хаалганд дөхөж ирээд самардуулсан нүүр, цус болсон цамцыг нь гөлийн гайхан ширтэх хамгаалагчийг эс анзааран гэрийнхээ үүд хүртэлх тахиралдан мушгирсан замаар орон явсаар жигүүрийн үүдэнд очин зогслоо. Машинаа зогсоолд тавиад, үүдээ нээн зочдын өрөөнд орж явчхав. Түүний царай зүсийг харсан Симонеттагийн нүүрэнд айдас тодроод ирлээ.
- Иво! Юу болоо вэ?
Иво инээхчээ аядаад, айсандаа өвчнөө шүд зуун тэсвэрлээд, зүрх алдан байж, - Хонгорхон минь, би жаахан тэнэг юм хийчих вүү гэж айж байна гэлээ.
Симонетта түүнд дөхөж ирээд сэрэмжтэй харцаар нүүрэн дээрх шалбархайг ажиж эхлэхэд эхнэрийнх нь нүд аль байдгаараа жаатайгаад ирэхийг мань эр анзаарав.
- Хэн чиний нүүрийг маажчихав? хэмээн дуугарахад түүний хоолой нь төмөр мэт хяхтнав.
- Тиберио хэмээн Иво хэлэхчээ аядаад тэрээр нуруун дээрээсээ хамаг тэнхээгээрээ түүнээс зууран хүржигнэх том саарал муурыг буулгахаар чангаавал муур гэнэт гялсхийн үсэрч гараас нь мултраад хаа нэг тийшээ хурдлан зугтав.
- Би үүнийг Изабеллад худалдаж авсан юм, сагсан дотор хийх гэтэл чөтгөр алгадмар чинь над руу дайрдаг байна шүү.
- Ээ тэнгэр минь гэж! гээд Симонетта түүн рүү ухасхийн, - Ээ сахиусан тэнгэр минь! Алив дээшээ очиж хэвт. Би эмч дуудъя. Одоохон иод аваад ирье. Би. . .
- Үгүй, үгүй, хэрэггүй. Зүгээр дээ хэмээн Иво зориг орон өгүүлэв.
Эхнэр нь түүнийг энхрийлэн тэврэхэд Иво өвдсөндөө муригнаж,
- Муур нурууг минь урсан бололтой гэв.
- Бурхан минь! Чи ямар их өвдөж зовж байгаа бол!
- За үгүй дээ, шалихгүй хэрэг гээд Иво, - Би дажгүй байна гэсэн нь түүний чин үнэн үг байлаа.
Үүдний хонх жингэнэн дуугарлаа.
- Хэн ирснийг үзээдэхье гэж Симонетта хэлэхэд, - Хэрэггүй, би очъё гэж Иво яаран өгүүлээд,
- Надад. . . надад гарын үсэг зуруулах бичиг сачиг авчрах ёстой гээд бараг гүйх шахам үүд рүү хурдлав.
- Ноён Палацци юу?
- Тийм ээ.
Саарал дүрэмт хувцастай зарлага Ивод дотор нь Рис Уильямзын цахилгаан утас бүхий дугтуйг сарвайлаа.
Иво түүнийг уншаад гүн бодолд автан хаалгаа ч хаалгүй
хэсэг зогсов.
Тэрээр нэгэнтээ амьсгаа аваад үүдээ хааж юу юугүй зочид ирэх болсон тул хувцсаа солихоор дээш гарлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.01.16 6:43 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 4.

Буэнос-Айрес хот.
Даваа гариг, 7 сарын 7. 15. 00

Аргентины нийслэлийн нэгэн дүүрэг болох тоос шороо бужигнасан Буэнос-Айресын автодром нь дэлхийн тойрог замын уралдаан үзэхээр ирсэн үзэгчдээр батганын хошуу орох зайгүй болтлоо пиг дүүрчээ. Энэ уралдаан нь 4 милийн 45 тойрог уралдах ажээ. Тэсэхүйеэ бэрх халуун наранд таван цаг үргэлжилж буй тэмцээнд барианд эгнэн зогсож байсан 30 оролцогчоос хамгийн шазруун 10 нь талбар дээр үлджээ. Ийм тэмцээн урьд өмнө огт болж байгаагүй төдийгүй дахин давтагдахыг нь үзнэ гэвэл санасны гарз биз. Сонин содоноороо гайхагдсан энэ тэмцээний үүх түүх үзэгчдийн нүдэн дээр бүтэж бий боллоо. Тэмцээнд нэр алдар нь хэдийн домог болон цуурайтсан Шинэ Зеландын Крис Амон, Ланкаширийн Брайан Редман, “Альфа Ромео Типо- 33“- ын оролцогч италийн Андреа ди Адамичи, Бразилийн “Марк-Формула I”-ын Карлос Маркос, Бельгийн шагналт Жекки Икс, “БРМ“- ын Швед эр Рейне Вайзель нар оролцож байв.
Уралдааны тойрог замаар улаан, ногоон, хар, цагаан, алтан шар “феррари", "брадх", “макларен", "М19-АС”, “лотусформула-ЗС” машинууд солонгын өнгө алаглуулан ухаан солиормоор давхилдана.
Аваргууд гэнэт шил даран замаас гарч эхэллээ. Дөрөвт явж байсан Крис Амон гэнэт замаас холбичин гарахдаа жолоодлогогүй болсон бололтой Редманы “купер”-ыг дугуйгаараа мөргөснөөс хоёр аварга тэмцээнээс гарлаа. Одоогоор Рейне Вайзель тэргүүлэн, түүний араас Жекки Иксын “БРМ“ шил даран дагана. Гэнэт алсын тойргоор хурдалж байсан “БРМ“-ын дамжуулагчийн хайрцаг нь агаарт ниссэнээ машин гал авалцан хөмөрлөө.
Улаанаар олгойдон улалзах галын урсгал ардхан талд нь явсан Жекки Иксын “феррари”-д хүрчээ.
Үзэгчид үймэлдэн бужигнав.
Аргентины "сюрт”-тай Жорж Амандарис, “марте”-тай Шведийн Нилс Нильсон, “феррари-312Б-2“-тай Францын Мартель гурав урагш цойлон гарч ирлээ. Тэд хурдаа бүр ч нэмэн, эргэлт дээр тоормос гишгэлгүй хар хурдаараа галзуурсан мэт урагш зүтгэн хурдална.
Аргентин эр Жорж Амандарис тэмцээнийг тэргүүлэн гарч ирсэн амжилтдаа хөөрөн бархирч явна. Түүний архан талд Нилс Нильсоны жолоодсон улаан цагаан алаг “матры”, Францын Мартелийн хар- алтан шар өнгөөр алаглах “феррари” сүүл даран давхина. Тэд давчуу болхи Аргентины зам дээр цагт 180 миллийн хурдтай давхих нь амиа хорлохтой адил хэрэг байлаа.
Хар- алтан шараар алаглах “феррари" машин “матр“-ын урд гарахыг оролдтол Нильсон үл ялиг баруун тийш болон Францын тамирчны замыг хаалаа. Ингээд тэр хоёр дотор замаар хурдлах немцийн машины араас хөөж эхлэв. Эцэст нь Нильсон түүнтэй зэрэгцэн ирэхэд Францын машин хурд хасан боломжийг анан давхиж явснаа мотороо огцом бархируулаад немц, шведийн хоёр аваргын дундуур орж явчхав. Франц тамирчны аюултай үйлдлийг харсан үзэгчид зүрх шимшрүүлэн харж сууснаа бахдан хашгирч нижгэнэтэл алга ташицгаав.
Бариа хүрэхэд гурван тойрог дутуу байхад Амандарис хошуучилж, Мартель хоёрт, Нильсон гуравт явна. Амандарис эл үйлдлийг хараад “Франц эр ч муугүй байна шүү. Гэхдээ надыг гүйцтэл зай ч байна” хэмээн өөртөө өгүүлэв. Амандарис яадаг ч атугай энэ тэмцээнд ялахаар шийдэв. Урд нь “2 тойрог" гэсэн тэмдэг зурсхийн үзэгдлээ. Тэмцээн шувтрах тийшээ хандчихсан мань эр бараг л ялагч болон торойж байв. Аргентин эр хажуугийн толиндоо хар-алтан шараар алаглах “феррари" юу юугүй түүнтэй зэрэгцээд ирэхийг нь харлаа. Манарсан тоосон дундаас том нүдний шилээр нүүрний тал нь халхлагдсан франц эрийн царай зурсхийн үзэгдэв. Амандарис түүнийг дотроо өрөвдөн санаа алдав. Тэрээр эл үйлийг хийх гэж буйдаа харамсавч өөр сонголт байсангүй. Авто уралдаан энэ бол тамирчдын тэмцээн биш, зөвхөн ялалтаар үнэлэгддэг талбар.
Хоёр машин үй олон ослын гэрч болсон хамгийн огцом эргэлт бүхий замын аюултай хэсэг рүү эрчимтэй дөхсөөр. Амандарис дахин нэг удаа франц тамирчныг зэрвэс харснаа жолоогоо тас атгав. Хоёр машин эргэлт дээр ирэхэд Амандарис хаазан дээрх хөлөө бага зэрэг өргөхөд “феррари" машин ч мөн адил хурд сааруулан урагшилж эхлэв. Аргентин эр франц тамирчны гайхан ширтэх харц өөр дээр нь тусахыг анзаарлаа. Машинууд радиоторт орж ирэн франц эр урхинд нь ч оржээ! Үзэгчид галзуурсан аятай бархиралдана. Жорж Амандарис хар-алтан шараар алаглах “феррари”-г гүйцэж ирэхийг нь анаж байтал нөгөө машин ч санаснаар нь зуузай холбох тэр мөчид Амандарис хар тэнхээгээрээ хаазаа гишгээд бага зэрэг баруун тийш залан францын замыг нь бөглөлөө. Аминдаа хайртай нь амьд үлдэе гэвэл замаас харайлган гарахаас өөр нөхцөлгүй болжээ.
Амандарис тэрхэн зуур францын тамирчны сандчин мэгдэх царайг хараад дотроо түүнд "Salaud" хэмээн егөөдөв. Яг тэр агшинд франц тамирчин “феррари“- гийнхаа жолоог огцом эргүүлэн Амандарисийн “сюртэ”- руу шууд чиглүүлэв. Мань эр нүдэндээ итгэсэнгүй. Тэрээр “феррари” хэдийн зүйл дууссан гэж бодож байжээ. Тэдний хооронд ердөө гурван фут хүрэхгүй зайтай ч, асар хурдтай давхиж явах энэ үед нэг секундийн дольтой тэнцэх хугацаанд зөв шийдвэр гаргах хэрэгтэй байв. Энэ франц эр “ку-ку“ юм гэдгийг нь тэр хаанаас мэдэх билээ дээ? Амандарис мянган фунтийн жинтэй төмөртэй мөргөлдөхөөс дайжин шалмаг хөдөлгөөнөөр жолоогоо зүүн тийш заллаа. Францын машин түүний өчүүхэн ч шүргэсэнгүй бариа тийш зүтгэв. Жорж Амандарисийн машин нэгэн агшинд огцом хурд нь саарснаа дараа нь хяналтаас гарч зам дээр эргэлдэж эхлэв.
Гэвч үзэгчдийн анхаарал энэ мөчид барианы шугам даван гарах “феррари” машин дээр татагджээ. Хөөрөн орилолдох үзэгчид машин тийш гүйлдэж очиж бултаараа хүрээлэн бүчлээ. Франц тамирчин биеэ тэнийлгэн суудалдаа аажим сулдайн агшин зуурын төдий хэвтсэнээ нүднийхээ шилийг авлаа.
Тэр богинохон тайрч, толийтол тослон шавж барьцалдуулсан буудайн өнгөт үстэй, сонгодог хэлбэрийн шийдэмгий царайтай ажээ. Бүсгүйн бие тамир алдарсандаа биш, хөөрөн баяссандаа Жорж Амандарисийн амьсгаа хураахын өмнөх харцыг нь харснаа санан сэтгэл догдолсондоо бие нь үл мэдэг салгална. Чанга яригчаар хөтлөгчийн хөөрөн баяссан,
- “Феррари“- гаар ялагч Элена Рофф Мартель, Франц! гэж орилох сонсогдов.
Хоёр цагийн дараа Элена нөхөр Шарлийнхаа хамт “Буэнос- Айресын" төв дэх “Ритц” зочид буудлын тансаг өрөөнд ханан зуухны дэргэдэх хивсэн дээр Элена Шарлийн дээр нь мордчихсон чармай шалдан хэвтэцгээж, Шарль аргадаж гуйсан аясаар,
- Бурхан минь гэж! Ингэх хэрэггүй, гуйя! Гуйж байна! хэмээн гонгинов.
Түүний гуйлт эхнэрийнх нь сэрлийг улам өдөөж, бүсгүй түүнийг өвдтөл нь, тэр бүү хэл нүдэнд нь нулимс цийлгэнээд иртэл нь хүчтэй хавчиж эхэллээ. “Намайг яах гэж ингэж цээрлүүлнэ вэ?“ гэж Шарль бодлоо. Тэрээр хэрэв Элена түүний хийсэн хэргийг шиншилж мэдвэл юуны хүү болох бол гэж бодмогц хамаг бие нь зарсхийв.
Шарль, Элена Роффын нэр төр, мөнгөнд нь болон гэрлэжээ. Гэрлэснээс хойш бүсгүй түүний овгийг өөрийнхтэйгөө хавсарган хоёр овогтой болсон ч мөнгө нь урьдын адил тэр чигээрээ бүсгүйд үлджээ. Тэгэхэд нь Шарль тун бодлогогүй зүйл хийснээ ухаарсан ч хэдийн оройтсон байв.
Шарль Мартель Элена Роффтой танилцах үедээ Парижийн томоохон өмгөөлөх газрын хуульчийн туслахаар ажиллаж байлаа. Түүнийг хурал болж буй хурлын танхимд баримт бичиг хүргүүлэхээр илгээжээ. Танхимд фирмийн дөрвөн гол хоршоо эрчүүд, Эленагийн хамт сууж байв. Шарль европ тэр чигээрээ Роффын асар том эмийн сангийн өв залгамжлагчдын нэг Эленагийн тухай ярьж байхыг олонтаа сонссон. Түүний жолоо цулбуургүй ааш аяг, язгууртны эс тоомсорлодог зан авирын тухай, дэлхийн бүх л сонинуудад бах болгон бичих нь олонтаа. Бүсгүй цанын аварга, өөрийн тийрэлтэт онгоцоо жолооддог, Непал дахь нэгэн оргилыг сонирхогч уулчдын группийг толгойлдог, автомашины уралдаан, морин уралдаанд оролцдог бас хувцасны шүүгээ дэх палаажтайгаа яг адил эрчүүдийг үргэлж сольж байдаг аж. Түүний зураг "Paris match", "Jours de France"- ийн хуудаснаас ховхорно гэдэг гонж. Мартелийн ажиллаж байсан фирм нь Шарль хэд дэх нь байсныг санах ч үгүй, санахыг хичээх ч үгүй тэр ч бүү хэл түүний сонирхлыг өчүүхэн ч татаагүй түүний дөрөв дэх ч билүү, тав дахь ч билүү гэрлэлтийг салгах ээлжит ажиллагааг гүйцэтгэсэн ажээ.
Роффын хүрээ гэдэг түүний хувьд ёстой нэг горьдсон нь голондоо гэгчийн үлгэр байжээ.
Шарль танхимд Эленаг сууж буйд нь биш, тэр түүнийг хүн байгаа чинээ нэг нүдээрээ ч хялайж харсангүй, харин дөрвийн дөрвөн хоршоо эрчүүдийн хүрэлцэн ирсэнд сандчина. Шарль Мартель бүсгүйн их эрх мэдлийг хүндэтгэдэг тул тэд нар түүний хувьд эрх мэдлийн эрхэм жишээ байв.
Мань эр Пассад жижигхэн мөртөө тохитой байр, шуудангийн маркийн хэдэн цуглуулгатай, авч буй бага шиг цалин пүнлүүндээ сэтгэл нь ханасан, ганцаар байх дуртай зожиг, бүрэг ичимхий нэгэн байжээ.
Шарль Мартель гоц гойд хууль ч биш ч гэлээ гэсэн түүнийг нэр хүндтэй, буурь суурьтай, найдвартай ажилтан гэнэ. Түүний дүр төрхнөөс ялимгүй ёсорхуу өвөрмөц чанар мэдрэгдэнэ.
Гайгүй цэвэрхэн төрсөн мань эр дөч шүргэж яваа гэхэд нүд хужирлам царайлаг хэвээр. Элена Роффтой уулзсаны маргааш өглөө нь тэрээр фирмийн ахлах хоршоо нэлээдгүй шударга эр Мишель Сашарийн өрөөнд дуудагдсандаа багагүй гайхсаар явж очив.
- Элена Рофф таныг .биечлэн түүний гэрлэлт цуцлах асуудлыг хариуцаач гэсэн хүсэлт тавьсан. Даруйхан шиг шийдэх хэрэгтэй байна гэж Сашар түүнд хэлжээ.
Шарль Мартель яг л аянгад цохиулсан аятай зогсов.
- Эрхэм Сашар аа, яагаад заавал би хийх ёстой гэж?
Сашар түүний нүд рүү эгцлэн харснаа,
- Ёстой мэдэх юм алга. Алдаа эндүү бүү гаргаарай гэв.
Мартель гэрлэлтийг цуцлах хэргийг шийдэх явцдаа Элена Роффтой хэд хэдэн удаа албан шахалтаар уулзсан нь арай л олон уулзаад байх шиг түүнд санагджээ. Бүсгүй хэргийн талаар тодруулан ярья хэмээн өдөр болгон түүн рүү утасдан, Вэзинэ дэх харшдаа хоолонд, эсвэл дуурьт, эсвэл Довильд байдаг гэртээ урина. Шарль түүнд эл хэрэг нь халтар самбайн үнэгүй гэдгийг нь, бүсгүйг ямар ч төвөггүйгээр салах болно гэдгийг тайлбарлахыг оролдовч харин Элена түүний бажгадан сандрахыг нь эс хайхран өөрийг нь нэрээр нь дуудахыг шаардаад түүний шударга журамт тус дэм нь өөрт нь амжилт олох итгэл төрүүлж байна хэмээн өгүүлжээ.
Тэдний анхны уулзалтаас хойш хэдэн долоо хоног өнгөрсний дараа Шарль Эленад өөр шиг нь түүний урмыг засах нь хэрэгтэй гэдгийг тааварлажээ. Үүнд итгэхэд- даанч бэрх байв. Тэрээр хэн ч биш, харин эл бүсгүй дэлхий дахинаа цуутай нэгэн гэр бүлийн салаа мөчир нь болсон үр сад нь. Гэвч Элена түүнээс өөрийн бодлоо нуусангүй, нэгэн өдөр түүнд шуудхан гэгч нь,
- Шарль аа, би чамтай гэрлэнэ гэжээ.
Гоонь эрийн амьдралыг шүтэгч тэрээр бүсгүйчүүлийн дэргэд тав алддагаа сайн мэдэх төдийгүй бүсгүйг бусад эмэгтэйчүүдийн адил өөрт нь таалагдаж байгаа гэдэгт итгэж чадахгүй байлаа. Бүсгүйн хаа явсан газарт нь анхаарал халамж тавин хөл алдах нь түүнийг ихэд цухалдуулна. Түүний алдар хүндийн нөмөр нөөлөг нь одоо түүнд тусах болсон ч тэрээр энэ бүхэнд дасахад хараахан бэлэн бус төдийгүй эл алдар хүндээс цэрвэн зайлсхийнэ. Түүнчлэн Шарль тэднийг тусгаарлаад байгаа асар том ялгааг сайн мэдэж байв. Бүсгүйн элдэв янзын сонирхол нь хуучныг баримталж түүний дургүйг нь хүргэнэ. Бүсгүй бол загварын ертөнцөд торойн гарч ирсэн гуалиг биетэй, гунхсан сайхан хүүхэн атал, мань эр. Юу ч гэж хэлмээр юм бэ дээ? Тэрээр ердийн нэг, овор зүс дорой, дунд эргэм насны хуульч хүн. Чухамдаа Элена Рофф түүнд яагаад татагдах болсныг нь хэн ч хэлж, бас ойлгож чадахгүй. Сав л хийвэл эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцож явдаг Элена Роффыг эмэгтэйчүүдийг дарлалаас ангижруулах нэгэн айхтар хөдөлгөөнийг дэмжигч гэсэн цуу яриа явж байв. Үнэндээ тэрээр энэ хөдөлгөөний эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрх хэмээх зарчмыг зэвүүцнэ. Бүсгүй яагаад эмэгтэйчүүдийг эрчүүдтэй эн зэрэгцүүлэх гээд байгаагийн учрыг эс ойлгоно. Ер нь эрчүүд шаардлагатай үед л хэрэгтэй болдог биш үү. Онцгой гойд оюун ухаан үгүй бол тэд тамхи татахад асаагуур эсвэл чүдэнз зурж өгөх эсвэл үүд онгойлгон бүсгүйчүүдийг урдаа оруулах буюу эмэгтэйчүүдийг сексийн шаардлагыг хангах зэрэг үл ялиг үүрэг гүйцэтгэнэ. Тэд өөрсдөө хувцаслаж, өөрсдөө угаал үйлдэн, өөрсдөө бие засаад усаа татчихдаг эрээд олдошгүй гэрийн нэгэн тэжээмэл амьтад шиг! Шилдэг үүлдэр юм!
Элена Рофф элээсэн насандаа: плейбой, мафийн эрс, сая саяар бөөлжүүлэгч магнат эрс, кино болон спортын одод гээд булт бүхнийг амсаж үзжээ. Шарль Мартель түүн шиг явсангүй. Бүсгүй түүнийг үнэндээ намгийн ногоон мэлхий ч тоохгүй өчүүхэн шалбааг мэт юу биш гэдгийг нь сайн мэднэ. Тэрээр хүссэн бүхнээ түүнээс шавхан авч чаддагт хэргийн учир байгаа юм! Хэрэв зээ Элена Рофф ямар нэг юм хүссэн л бол хэн ч, тэр бүү хэл түүний хүслийг хангагч, объект болсон Шарль Мартель ч түүнд саад болж чадахгүй.
Тэд Нейнд нийлэн гэрлэж, Шарлийн ариун зандан бие, хэзээ ч бүтэшгүй гэж бодож явсан санаагаа гээж Монте Карлод бал сараа өнгөрүүлжээ. Үүний дараа мань эрийг өмгөөлөх ажилдаа орох гэтэл,
- Бүү тэнэглэ! Чи намайг өөрийн мэдэлгүй хүний эхнэр байна гэж бодоо юу? Чи манай ажилд орно. Цаг нь болохоор чи бүгдийн толгойд гарна. Хоёул хамтдаа толгойлох болно хэмээв.
Шарлийг “Рофф ба хөвгүүд“- ийн Парижийн салбарт томилжээ. Тэр эхнэртээ ажил дээр болсон бүхнээ дуулгаж эхнэр нь зөвлөн түүнийг удирдана. Шарль албан тушаалын шатаар хурдан ахиж эхэллээ. Тун удалгүй тэр францын салбарыг тэргүүлэн Захирлуудын зөвлөлд оржээ. Элена Рофф түүнийг байгаа үгүй нь мэдэгддэггүй асан өмгөөлөгчөнцөрөөс дэлхийд алдартай томоохон корпорацын дээд хэмжээний удирдагч болгон хувиргажээ. Тэрээр өөрийгөө заяа төөрөг нь түшсэн азтай хүн гэж бодох ёстой байтал тэр заяа муутай азгүй амьтан болохоо мэдэрчээ. Шарль хамтын амьдралаа эхэлсэн тэр мөчөөс эхлэн эхнэртээ толгойгоо мэдүүлдэг болохоо ойлгосон байна. Эхнэр нь түүнд цамц, гутлын мастер оёдолчдыг нь хүртэл өөрөө сонгон авч алдартай “Жокей-клуб“-т гишүүнээр элсүүлжээ. Бүсгүй түүнтэй хөлслөн авсан хоршоо эр мэт харьцана. Түүний цалингийн сохор зоосыг нь хүртэл хуу хаман авчхаад, хувийн зардалд нь зориулан инээд хүрмээр өчүүхэн мөнгө өгдөг байв. Шарль ахиухан - мөнгө хэрэгтэй болбол Эленад энэ тухай дуулгах ёстой гэнэ. Мань эр эхнэрийнхээ ханаж цаддаггүй эрхшээлд нь орж, цагаа минут тутам тайлагнаж байх ёстой. Эхнэрт нь ийнхүү түүнийг басамжлан дарлаж байх нь таалагдана. Тэр шууд ажил руу нь утасдаж массажны тос ч юм уу, ямар нэг дэмий балай юм дэлгүүрээс худалдан авч даруйхан гэртээ авчир хэмээн зарлигдана. Түүний зарлиг ёсоор хүрч ирэхэд эхнэр нь хамаг хувцсаа тайчин нүцгэлээд орондоо хүлээн хэвтэж байна. Тэр яг л зэрлэг араатан аятай ханаж цадахаа мэддэггүй хүсэл тачаалтай ажгуу. Шарль хорт хавдраар өвчлөн зовох эхийнхээ орны нь дэргэд ихэнх цагаа өнгөрөөж байснаас өөр бусад хүүхнийг ор хөнжилд нь сахиж байсангүй. Эхийгээ өнгөрснөөс хойш Шарль хүсээд байсан энгүй их зав чөлөөтэй болсон мэт санагдавч, хэрэг дээрээ төөрсөн өнчин янзага шиг болсноо мэдрэв. Секс болон эмс хүүхнүүд түүний сонирхлыг үл татна. Эленаг өөртэй нь гэрлэх тухай дуурсахад тэрээр,
- Миний сексийн мэдрэмж гүйцэд боловсроогүй, нойлийг заадаг ч гэх үү дээ гэж түүнийг арай ядан учирлахад Элена хариуд нь инээмсэглээд,
- Ээ хөөрхий Шарль. Айж байх шив. Секс чиний сэтгэлийг сэргээх болно гэжээ.
Үнэндээ мань эр сексийг жигшинэ. Бүсгүйн хувьд сексийн таашаал хүртэнэ гэдэг нэмэлт өдөөгч хэрэгтэй байдаг гэнэ. Бүсгүй түүний арчаагүй дорой байдлыг шоолон инээгээд түүний ой гутмаар жигшүүртэй зүйл хийхийг шаарджээ. Бэлгийн ажил түүний хувьд жигшүүртэй санагддаг бол Элена эсрэгээр янз бүрийн туршилт хийхийг эрхэмлэнэ. Нэг удаа дур тавих үед нь Элена хуухнаг дээр нь мөсний үйрмэг тавьж сандаргажээ. Шарль Эленагаас хашран айдаг болов. Бүсгүй түүнтэй эр хүнтэй бус эмэгтэй хүнтэй харьцаж байгаа .эр хүн шиг харьцана. Шарль бага ч гэсэн зүйлээр түүнээс давж илүү гарахыг чармайх боловч энэ нь даанч нэг хэрээс нь хэтэрсэн хэрэг ажээ. Бүсгүй бүх талаараа түүнээс илт давуу, гайхалтай ухаалаг нэгэн байв. Тэр түүнээс дутахааргүй хуулийн талын чамгүй мэдлэгтэй, худалдаа арилжааны ажилд усанд эрх дураараа цэнгэн наадах загас мэт өөрийгөө үзнэ. Концернын асуудлаар хэдэн цаг ч хамаагүй хэлэлцэж суухдаа хэзээ ч алжаана гэж үгүй.
- Шарль аа, чи харж байгаарай! Хэрэв хүсвэл “Рофф ба хөвгүүд“-ийг ертөнцийн хөрснөөс ор мөргүй арилгаж эсвэл нурам дороос босгоод ирж болно. Би заавал ч үгүй фирмийн ерөнхийлөгч болно. Фирмийг миний элэнц аав минь үндэслэн байгуулсан юм. Фирм миний амьдралын салшгүй нэг хэсэг мөн.
Иймэрхүү ярианы дараа Элена таашаал авах гэж туйлын хомхой, цадаж ханахаа мэдэхээ байж Шарль бодохоос айдас нь хүрдэг тэр л үйлдлийг хийхэд хүрдэг аж. Тэрээр одоо зөвхөн яаж түүнээс түргэхэн салж амрах вэ гэж боддог болжээ. Үүний тулд ганцхан мөнгө л хэрэгтэй.
Нэгэн удаа цай ууж суух зуур найз нарынх нь нэг Рене Дюшам Шарлид хөрөнгө мөнгөтэй болох санал хэлжээ.
- Бургундэд байдаг миний нэг ах усан үзмийн том талбайтай юм. Ах маань саяхан өнгөрчихсөн, харин нэгдүгээр зэргийн усан үзмийн арван мянган акр ороонгоноос давгүй орлого олно. Надад газрынх нь бодит үнэлгээний баримт бий гэж Рене Дюшам хэлснээ үргэлжлүүлэн, - Ах маань миний хамгийн ойрын хүн, гэр бүлийнхэн нь усан үзмийн талбайгаа алдахыг хүсэхгүй байна. Харин би ганцаараа их хөрөнгө гаргаж барахгүй нь. Хэрэв чи надтай хоршвол жилийн дараа болоход бид хоёр дахин нугалж чадна даа. Үгүй ядаж хамт яваад юун тухай яриад байгааг минь үзэхгүй юу? гэжээ.
Шарль найздаа улаан мөнгөгүй хувхай хоосон гэж үнэнээ хэлэхэд дэндүү ичгэвтэр байсан төдийгүй, татгалзан түүнийг гомдоохыг хүссэнгүй тул түүний үнэн хэлснийг нь нүдээр үзэж батлахаар Бургунд руу явлаа. Үзсэн бүхэн нь түүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлэв.
- Хоёулаа энэ ажилд хоёр сая франк оруулах хэрэгтэй гэж Рене Дюшам хэлээд, - Жилийн дараа хоёр дахин ихийг олно гэжээ.
Дөрвөн сая франк! Энэ чинь нөгөө хүсээд байгаа эрх чөлөө нь байна шүү дээ. Тэр эхнэр Элена нь эрээд олохгүй тийм алс хол явах болно.
- Би энэ тухай бодъё гэж Шарль анддаа амлав.
Ингээд тэрээр өдөржин шөнөжин энэ тухай бодно. Бүхэл бүтэн хөрөнгө олох ийм боломжийг алдаж болохгүй. Гэвч хаанаас мөнгө олох вэ? Шарль Эленад дуулгалгүй ийм их мөнгийг хэн нэгнээс авна гэдэг огт боломжгүй явдал гэдгийг тэрээр сайн мэдэж байв. Гэр байшин, үнэт зураг, машин тэрэг, үнэт эдлэл энэ бүхэн Эленагийн нэр дээр данстай. Байз, байз, бай! Үнэт эдлэл! Эхнэр нь өөрсдийн унтлагын өрөөний сейфэнд чамин сайхан эдлэлүүдээ хадгалдаг. Санаа бодлоо нүдэндээ ургуулан үзэж эхэллээ. Үнэт эдлэлийг авч чаддаг юм бол тэр жинхэнийг хуурамчаар солиод мөнгийг нь хэрэглэнэ. Усан үзмийн тариалангаас ашиг гарч эхлэхэд үнэт эдлэлийг нь буцаагаад худалдаад авчихна. Үлдсэн мөнгө нь ул мөргүй арилж өгөхөд нь хангалттай.
Шарль Рене Дюшамид утасдан, сэтгэл хөдөлсөндөө зүрх нь оволзон байж,
- Би хувь оруулахаар шийдлээ гэв.
Төлөвлөгөөнийхөө эхний хэсгийг хэрэгжүүлэн сейфэнд орж Эленагийн үнэт эдлэлүүдийг авна гэхээс тэр айдаст автав. Тохиромжтой үеийг нь тааруулаад бодсоноо хийх гэтэл юу ч хийж чадахгүй болтлоо сандчина. Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр, гэтэл тэр яг нь хиймэл хүүхэлдэй аятай хавь орчиндоо юу болж буйг сонсохгүй, харахгүй мэдрэхээ больжээ. Эленатай уулзмагц гэнэт хар аяндаа хамаг хөлс нь цутгах боллоо. Зүв зүгээр байвал хамгийн тохиромжгүй үед яасан учир нь мэдэгдэхгүй гар нь салгалж эхэлнэ. Түүний биеийн байдал нь хайртай нохойндоо зовж байгаа мэт Эленагийн сэтгэлийг зовоож эхлэв. Эхнэр нь эмч авчран үзүүлэвч Шарльд ямар ч өвчний шинж тэмдэг илэрсэнгүй.
- Тэр бага зэрэг ядарсан байх. Хоёр хоног хэвтрийн дэглэм сахихад хэвэндээ орно, дажгүй.
Элена орондоо хэвтээ Шарлийн нүцгэн биеийг удтал ширтээд, - Баярлалаа, эмч ээ гэжээ.
Эмчийг дөнгөж босго даван алхмагц Элена тайчиж эхлэв.
- Би. . . би, бие минь базаахгүй байна гэж Шарль эсэргүүцэхэд,
- Гэвч миний бие гойд сайн байна гэж Элена үгийг нь тасаллаа.
Тэрээр энэ удаа эхнэрээ урьд өмнө хэзээ ч үзэн ядаж байгаагүйгээр үзэн яджээ.
Дараагийн долоо хоногт Элена нөхдийн хамт Гармиш-Партенкиз руу цанаар гулгахаар явахдаа Шарлийг Парижид ганцааранг нь үлдээхээр шийдсэн нь түүнд алтан боломж тохиох нь тэр ээ.
- Миний утастахыг хүлээгээд орой гэртээ байж бай хэмээн Элена зарлигдав.
Эленагийн жолоодсон улаан өнгийн “йенсен” замаар орон дөнгөж эргэмэгц Шарль унтлагын өрөөний ханан дахь сейф руу харайлгав. Бүсгүй олон удаа түүний дэргэд сейф онгойлгож байсан тул тэрээр бараг бүх тоог нь цээжээр мэднэ. Мань эр цаг гаруй ноцолдож байж мэдэхгүй байсан цифрээ оллоо. Салгалан чичгэнэсэн гараар сейфийг нээвэл дотор нь тас хар тэнгэрийн хаяагаар гялалзах бяцхан одод шиг хамба хилэнгээр бүрсэн хайрцаг дотор түүний эрх чөлөө байж байх нь тэр.
Тэрээр гайхамшигтай гоёл чимэглэлийг дуурайлган хийх ур дүйгээрээ алдаршсан алт мөнгөний дархан Пьер Ришартай хэдийн тохиролцсон байжээ. Шарль яагаад дуураймал эдлэл хэрэг болсон учрыг түүнд тайлбарлах гэж будлин, ээрч мууран өгүүлэхчээ аядахад нь Ришар түүний үгийг нь таслан хүйтнээр,
- Ноёнтон, би олон хүнд дуураймал эдлэл хийж өгдөг. Өнөө үед жинхэнэ үнэт эдлэлээ зүүж гэрээсээ хошуугаа цухуйлгадаг эрүүл ухаантай хүн гэж байдаг юм уу? гэжээ.
Шарль үнэт эдлэлийг нэг нэгээр нь аваачин дуураймал нь бэлэн болмогц жинхэнэ эдлэлийн оронд сейфэнд хийчхээд, жинхэнийг нь “Креди-мюниспаль” хэмээх улсын үнэт эдлэлийн ломбардад тавьсаар байлаа.
Үнэт эдлэлийг солих ажил түүний бодож байснаас нь хавьгүй их хугацаа шаарджээ. Нэгдүгээрт: тэр сейфэнд зөвхөн Эленагийн эзгүй хойгуур хүрч чадна, хоёрт: дуураймлыг хийх гэж нэлээдгүй удна. Тэгж тэгж Рене Дюшамд бэлэн болсноо хэлэх цаг болжээ.
- Би чамд маргааш нөгөө мөнгөө өгнө.
Хамаг хэрэг бүтэх нь энэ дээ! Тэр асар том усан үзмийн тариалангийн хамтран эзэмшигч боллоо. Элена ч энэ тухай огт мэдсэнгүй.
Шарль сэм усан үзэм ургуулах тухай ном уншиж эхлэв. Яагаад болохгүй байх вэ? Тэр өдгөө усан үзэмчин биш гэж үү? Мань эр “Каберне совиньон”, “гробкаберне”, “мерло”, “мальбек”, “пти вердо” усан үзмийн сорт төрлийг андахгүй сайн мэдэх болов. Шарлийн ажлын ширээн дээрх хайрцаг нь хөдөө аж ахуйн товхимол, вино үйлдвэрлэх номоор дүүрч, хэрхэн тайрч танах, тарьц суулгах тухай, хамгийн гол нь дэлхий дахинаа виноны эрэлт хэрэгцээ өдрөөр биш цагаар өсөж байгаа нь түүнийг самгардуулж орхив.
Хамжаа эрчүүд үе үе уулзахад,
- Бүх юм миний санаснаас хавьгүй сайн болж байгаа гэж Рене хэлснээ, - Виноны үнэ тэнгэрт хадаж байна. Нэг тонн шинэхэн шүүс тутмаас бидэнд гурван зуун мянган франк унах нь бололтой гэв.
Тэрээр ингэнэ чинээ даанч зүүдэлсэнгүй. Усан үзмийн ороонго бол вино биш, харин тэр чигээрээ шижир алт! Шарль өмнөд тэнгисийн арлууд, Өмнөд Америкийн орнууд, Венесуэл, Бразил болон бусад улсуудын тухай мэдээлэл цуглуулж эхлэв. “Рофф ба хөвгүүд“- ийн салбар контор үгүй дэлхийн газар нутаг үгүй байгаа нь түүнийг зовоох нь тэр. Зайлшгүй тохиолдолд Элена түүнийг зовлон үгүй олох нь дээ. Хэрэв түүнийг өрсөж алахгүй юм бол олсон цагтаа гарцаагүй алж орхино. Үүнд тэрээр ганц агшин ч эргэлзэхгүй байгаа. Ой ухаандаа үргэлж шинэ санаа сэдэн эхнэрээ мянгантаа алсансан, Завхарсан бодлоороо тэр Эленагийн доромжлон харьцсаных нь хариуд таашаал амсах болов. Бүсгүйг ор хөнжлийн явдалдаа санаанд багтамгүй урлаг үзүүлэхийг шаардсаных нь хариуд: “За яахав, муу дэлт бүргэд минь дэвж л бай, бага хугацаа үлдсэн дээ. Би чиний мөнгөн дээр дөрөөлж баян, эрх чөлөөтэй болж, чи намайг яаж ч чадахгүй!" хэмээн бах нь ханан бодно.
Эхнэр нь энгэр зөрүүлэхдээ “хурдан“ эсвэл “хүчтэй" эсхүл “хөдлөөч" хэмээн тушаана. Тэр түүний тушаасан болгоныг нь үг дуугүй биелүүлэвч дотроо тавлан инээмсэглэх авай.
Усан үзмийн ороонго ургах шийдвэрлэх үе нь хавар, зуны сарууд байх бөгөөд есөн сард хураах үеэр зохих чийг дулаантай байлгадаг гэдгийг Шарль мэдэж авчээ. Хэт их нар нь содон сайхан нэрийг нь, хэт их ус чийг нь амт шүүсийг нь шингэрүүлдэг ажээ. Зургадугаар сар тун таатай эхэлж Шарль Бургунд орчмын цаг уурын мэдээг чих тавин чагнавал хурмаст тэнгэр өдөр болгон, заримдаа өдөртөө хоёр ч удаа хураа хайрлан байлаа. Нандин мөрөөдөл нь биелэхэд хэдхэн долоо хоног үлдэхэд тэрээр тэсэн ядан тэчьядна. Одоо тэр хаашаа зугтан зайлахаа мэдэх болсон. Монтего-Бэй! Ямайкад “Рофф ба хөвгүүд“- ийн салбар контор байсангүй. Тэнд мань эр амархан гэгч нь бараагүй шингэж чадна. Эленагийн танилуудынх нь нүдэнд өртөхгүйн тулд Раунд-Хилл, Окко-Риостын ойр очихгүй байх ёстой. Арал дээр бас тийм ч үнэтэй биш дээ. Тэр сайхан хоол идэн, ер нь бол сэтгэл ханамжтай байхаас татгалзахгүй дэг ээ.
Зургаан сарын эхний өдрүүдэд Шарль Мартельд үнэндээ жаргалтай байлаа. Одоогийн амьдрал нь тэр чигээрээ доромжлол цээрлэл дүүрэн байвч тэр өнөө үедээ биш, тэрээр Карибын тэнгисийн арлын нар салхи нь элбэн энхрийлэх ирээдүйд амьдарч байв.
Цаг уур өдөр хоног тутам сайжирч бороо асгарсан өдрүүд нь нялх үр жимст хэрэгтэй нарлаг өдрөөр солигдов. Усан үзмийн хонгорцог цөмтөн шүүсээр дүүрэхийн чинээгээр Шарль Мартелийн баялаг батжин өргөжнө.
Зургаан сарын арван тавнаас бороо хур багассанаа, дараа нь гайгүй сайн бороошиж өдөржин, долоо хоногийн турш зогсолтгүй шавшиж эхлэв. Шарль цаг агаар сонсохоо ч болилоо.
- Хэрэв долоон сарын дунд гэхэд бороо зогсвол алзахгүй гэж Рене Дюшам утсаар ярихдаа хэлэв.
Цаг уурын албанаас энэ жилийн долоон сард Францын цаг уурын түүхэнд байгаагүй хамгийн их хур бороотой жил болохыг мэдээлжээ. 8 сарын эхэн гэхэд Шарль Мартель хамаг хөрөнгөө эцсийн сохор зоос хүртлээ сэгсэрч хоосров. Өөрийн хийсэн үйлийнхээ төлөө мань эр хэзээ ч энэ өдрүүд шиг айн балмагдаж байсангүй.
- Ирэх сард хоёул Аргентин руу явна. Би авто уралдаанд оролцоно гэж Элена Шарльд дуулгав.
Уралдааны замаар “феррари”-тайгаа хэрхэн давхиж явдгийг нь хоёр нүдээрээ харсан тэрээр: “Энэ хэрвээ хүзүүгээ хугалж орхивол ч би эрх чөлөөтэй болно" хэмээн боджээ.
Гэвч түүний аз дутахад энэ чинь Элена Рофф-Мартель л даа. Амьдрал бүсгүйд ялагчийн, харин мань эрд ялагдагчийн дүрийг хуваарилсан ажгуу.
Тэмцээнд ялсан нь Эленагийн тачаалыг туйлд нь хүртэл өдөөжээ. Буэнос-Айрес дэх зочид буудлынхаа тансаг өрөөний босгыг дөнгөж давмагц бүсгүй түүнийг хувцсаа тайчаад элэг дөрвөөрөө хивсэн дээр хэвтэхийг тушаав.
Бүсгүй түүн дээр сандайлан суух зуураа гартаа юу барьсныг нь мань эр гэнэт хараад,
- Ээ Бурхан минь гэж! Ингэх хэрэггүй, гуйя! Гуйж байна! хэмээн гуйн гонгиноно.
Энэ үед үүд цохих сонстов.
- Мегбе! хэмээн Элена хараал тавиад хэсэг зуур азнатал дахиад тогших дуулдав.
- Ноён Мартель аа? гэж үүдний цаанаас хэлэх сонстов.
- Наанаа хүлээж бай! гэж Элена тушаагаад босон гуалиг, чийрэг биеэ зузаан торгон халаадаар халхлаад үүд руу очин нээлээ. Үүдэн дээр саарал дүрэмт хувцастай зарлага том дугтуй барин зогсоно.
- Үүнийг ноён, хатагтай Мартель нарын гарт өгөх ёстой юмсан.
Бүсгүй дугтуйг аваад үүдээ хаалаа. Дугтуйг задлан эл мэдээллийг нүдээр гүйлгэн нэгэнтээ уншсанаа, дараа нь дахин аажим няхуур гэгч уншиж эхлэв.
- Юу вэ? гэж Шарлийг асуухад,
- Сэм Рофф үхчихжээ гэснээ бүсгүй тас, тас хөхөрчээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.02.16 11:35 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 5.

Лондон хот.
Даваа гариг. 9 сарын 7. 14. 00

“Уайтс-клуб” нь Пикаделлитэй зэргэлдээ Сент-Жеймс стрит-ийн адагт байрлана. XVIII зуунд анхны тоглоомын байшин хэмээн баригдсан Уйатс Английн хамгийн тэргүүлэх зэргийн, хамгийн үнэтэй клубуудын нэг. Энэ нь зөвхөн элит хүмүүсийн клуб ажээ. Клубийн гишүүд үр хүүхдээ төрмөгц нь ирээдүйн гишүүнээр бүртгүүлдгээс клубд элсэх дараалалд оочерловоос гучин жил хүлээх болдог гэнэ.
“Уайтс“-ын нүүрэн тал гоёмсог гэхэд туйлгүй. Клуб Сент-Жеймс стрит рүү харсан асар том цонхтой, дотор нь байгаа улсуудын ая тухыг дээр зэргээр, гадуур нь холхих хүмүүсийн анхаарлыг аль болох бага татахаар зохицуулж бодолтой бүтээсэн нь илт. Орох хаалга тийш хөтлөх цөөн хэдэн гишгүүрээр клубийн байнгын гишүүн, эсвэл тэдний зочид хөл тавин орохоос бус, хэн дуртай бүхэн дотогш орж чаддаггүй талтай гэнэ. Клубийн өрөө тасалгаанууд нь асар том хэмжээтэй, бүгдийг нь эртний үнэт зураг, эдээр тохижуулан эртний арьсан тохилог буйдан, сонин сэтгүүлийн лангуу тавиур, эртний гайхалтай нарийн хийц бүхий ширээнүүд, улс орны олон ч ерөнхий сайдууд тухлан суусан тавлаг арьсан буйдан сандлаар дүүргэжээ. Хүрэл хайсны цаана байх том ханан зуух бүхий тусгай өрөөг трик-трак тоглоход зориулан тоноглож, хоёр давхар дахь засгийн газар тийш нарийхан матигар шат хөтлөн аваачина. Зоогийн газар хоёр давхрыг тэр чигээр нь эзлэх агаад гучин хүн элбэг суучих том улаан модон ширээ, түүний эргэн тойронд нь бага шиг таван ширээг байрлуулжээ. Энд өглөө, үдийн зоогон дээр улс орныхоо болон дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүстэй уулзаж болох авай.
Булангийн нэгэн бага шиг ширээний ард английн парламентын гишүүн ноён Алек Николз өөрийн зочин Жон Суинтоны хамт цайлан сууна. Алекийн эцэг нь түүний элэнц, хуланц өвгийнх нь адил удам дамжсан гүн хүн ажээ. Тэд цагтаа бүгд л “Уайтс-клуб”-ын гишүүд байсан. Ноён Алек хэмээгч туранхай, язгууртан маягийн цагаан царайтай, сэтгэл татам сайхан инээмсэглэсэн, хэдийн дөчийн хаяанд айл буусан нэгэн. Глостершир дэх хотын захын эзэмшил газраасаа машинаараа хүрч ирсэн тэрээр спортын хүрэм, халхгар өмд, зөөлөн арьсан гутал өмсжээ. Зочин эр нь судалтай костюм, тод өнгийн дөрвөлжин хээтэй цамц, улаан зангиа өмсөн гангарсан нь баян чинээлэг орчинд илүүц зан мэт харагдана.
- Танай энд сайхан хоол хийх юмаа гэж Жон Суинтон тугалын махан том котлет өмхлөх зуур тамшаалан хэллээ.
Ноён Алек батлан толгой дохиод,
- Тийм ээ. Вальтерийн: “Англичууд мянган шашин шүтлэг, ганц соустай” гэж хэлсэн тэр нэгэн цагаас хойш цаг хугацаа илт өөрчлөгджээ.
Жон Суинтон тавагнаасаа нүд салгаад,
- Вальтер гэж хэн бэ? хэмээн асуулаа.
- Нэг. . . нэгэн франц залуу гэж ноён Алек зовсон янзтай хариулав.
- Аа, ойлголоо.
Жон Суинтон котлетоо даруулан балга дарс балгачхаад хутга, сэрээгээ хойш тавин амаа арчлаа.
- Ноён Алек аа, одоо ажил хэргээ ярилцъя.
- Ноён Суинтон, ажил хэрэг цэгцрээд явж байгаа, гэвч надад нэмэлт хугацаа хэрэгтэй гэж би танд хоёр долоо хоногийн өмнө хэлсэн дээ гэж ноён Алек аядуухан өгүүлэв.
Тэдний ширээ рүү хоёр гартаа хэдэн модон хайрцагтай сигар тамхи барьсан үйлчлэгч дөхөн ирээд тэдний ширээн дээр шалмаг гэгч тавилаа.
- Татгалзвал тэнэг хэрэг биз ээ гэж Суинтон өгүүлээд хайрцаг дээрх шошгыг нүд гүйлгэн хараад бахдалтайяа исгэрснээ хэд хэдэн сигар авч нэгийг нь асаан тамхилж бусдыг нь пиджакныхаа дотор халаасанд далд хийв. Үйлчлэгч, ноён Алек түүний зохисгүй занг нь анзаараагүй дүр эсгэв. Үйлчлэгч ноён Алект мэхэсхийн ёслоод тамхиа аваад дараагийн ширээ рүү явлаа.
- Манай эзэн танд их тэвчээртэй хандаж байгаа шүү, Алек аа, гэвч тэдний тэвчээр барагдаж эхлэх бий гэж айх юм.
Тэрээр урагш бөхийн ноён Алекийн дарс ууж байсан хундага руу чүдэнзнийхээ цучлыг хайш яайш хийчхээд,
- Танд л гэж нөхөр ёсоор чин үнэнийг хэлэхэд, би л бол тэднийг цухалдуулахгүй байхсан. Та ч гэсэн тэднийг уурлуулахыг хүсэхгүй байгаа гэдэгт итгэж байна шүү, аан? гэв.
- Гэсэн ч надад мөнгө алга байна шүү дээ.
Жон Суинтон тас тас хөхөрлөө.
- Та нар ядуу байх юм гэнэ дээ! Таны эхийн тал чинь Рофф биз дээ, тийм үү? Танайхан мянган акр сайхан эзэмшил газар, Найтсбрижид тансаг байр, “роллс-ройс”, “бентли” гээд бүхэл бүтэн хөрөнгийн цуглуулганд чинь бас өөр юу дутаад байгаа юм бэ, арай ажилгүйдлийн тэтгэмж нэхэх юм биш биз?
Ноён Алек зовсон янзтай ийш тийш харснаа намуухан дуугаар,
- Гэвч таны тоочсон бүхэн чинь үгүй хийж болохгүй, өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр борлуулж болохгүй гэсэн үг. Би чадахгүй. . . гэв.
Суинтон нүдээ анивчин,
- Тэгвэл энхрий хонгор Вивиан чинь бардаагаар худалдчихна биз, эсвэл би эндүүрээд байна уу, аан? Түүний дэлэн хөх ч ёстой нэг шүлс асгармаар шүү.
Алек ноёны царай хүрэн улаан боллоо. Вивиан энэ өөдгүй новшнуудад хууртагдсан. Алек өглөө гарч явахад нь Вивиан унтаж байсныг саналаа. Тэд тусдаа өрөөнд унтдаг, Алек Николз хаа нэгтээ ордог “айлчлал”-ынхаа үед тун ч их баярладаг гэнэ. Заримдаа өглөө эрт сэрчхээд түүн дээр ороход бүсгүй унтаж байдаг тул хэсэг зуур саатан түүнийг харна. Унтаж байсан ч, сэрүүн байсан ч бүсгүй урьд өмнө түүнтэй тааралдаж байгаагүй хамгийн үзэсгэлэнтэй хүүхэн ажээ. Эхнэр нь чармай шалдан унтаж байх агаад нойрон дундаа тийчсэн цагаан хэрэглэл нь түүний уян зөөлөн гуалиг биеийг нь халхлах төдийхөн хучжээ. Алтан шар үс, дүрлэгэр том цайвар цэнхэр нүд, цайвар шар булбарайхан арьстай Вивиан Алектай учрахаас өмнө нэгэн театрын өглөгийн үдэшлэгт туслах дүрд тоглодог жүжигчин байв. Мань эр бүсгүйн гоо үзэсгэлэнд сэтгэл алдарч, нийтэч, аядуу зөөлөн хөгжилтэй занд нь эрхгүй нэг татагджээ. Тэр амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн хорин насаар залуу бүсгүй байлаа. Алек бүрэг ичимхий, ганцаар байхыг эрмэлздэг бол бүсгүй олонтой нийцтэй, сайхан сэтгэлтэй, цовоо цолгиун нэгэн аж. Алек бүсгүйн тухай бодлоо таягдан хаяж чадалгүй явсаар анх уулзсанаас хойш хоёр долоо хоног өнгөрмөгц түүн рүү утастахаар шийдэв. Вивиан урилгыг нь хүлээн авсан нь түүнийг нэгэнтээ гайхшруулж, нэгэнтээ баярлуулжээ. Алек түүнийг “Олд-Вик”- ийн нээлтийн тоглолтонд, дараа нь “Мирабелл”-д хоолонд урилаа. Вивиан “Ноттинг-Хилл“- ийн гэрэл муутай харанхуй оргисон нэгэн байрны нэгдүгээр давхарт амьдардаг бөгөөд Алекийг гэрт нь хүргэж өгөхөд,
- Орох уу? хэмээн асуужээ.
Мань эр бүхэл шөнийг тэндээ өнгөрүүлж, түүний амьдрал эрс өөрчлөгдсөн аж. Түүний дурыг тавиулж чадах Вивиан хүүхэн түүнтэй учирч байсангүй. Алек тамираа тасартал амтлам хамба хилэн мэт зөөлөн хэл, мяндас мэт шаргал үс, угт нь тултал дүрэхийг уриалан дуудах мэт умалзан чавчайх халуун дулаан тийм нэгэн эдийг урьд нь огт мэдэрч явсангүй. Бүсгүйн тухай нэгэнтээ бодоход түүний сэрлийг өдөөн хөөрөгдөх нь юутай гайхам.
Бас нэг зүйл бий. Бүсгүй түүнийг хөгжөөн баясгаж, сэргээн эргэн тойрны бүх юмыг бүгдийг хайрлуулахад сургана. Мөн түүний бүрэг ичимхий зан, лагс нүсэр биеийг нь эс тооход мань эр түүний бүр ч бишрэн шүтнэ. Тэрээр одоо хүүхний зөвшөөрснөөр үргэлж хамт байх болжээ. Алек түүнтэй хамт хүлээн авалтад очиход танхим бүсгүй нь бүгдийн анхаарлыг зүйлбэргүй татна. Алек нэгэн үе түүгээр бахархаж, нэгэн үе хардах сэтгэл нь хөдөлнө. Залуу харчуул хавь орчинд нь эргэлдэхэд нь “Эдний хэдтэй нь энгэр зөрүүлж амжаа бол доо?” хэмээн өөрөөсөө үргэлж асууна.
Вивиан өөр нэгэн болзоонд яван өөртөө нь уулзахаас татгалзсан тэр нэгэн шөнийн турш Алек хардах сэтгэлд автан байх суух газраа олж ядахдаа бүсгүйн гэрийнх нь гадаа очин, зайдхан хаа нэгтээ газраас хэзээ хэнтэй ирэхийг нь ажиглан мөшгөжээ. Алек адгийн шаар шиг аашилж байгаагаа мэдэвч өөрийгөө яаж ч барьж дийлэхээ байжээ. Ямар нэгэн зүйл мань эрийг бүсгүйд сэтгэл алдруулан, яагаад ч юм түүнд үүнийг гэтлэх арга зам алга.
Тэр Вивиантай хүзүү толгой холбон гэтэлшгүй алдаа хийж буйгаа ойлговч, түүнтэй гэрлэхийг хэлж зүрхлэхгүй явсаар. Сайхь эр бүгдийн нүдэн дээр парламентын хүндэт гишүүн, түүнийг улс төрийн гялалзсан ирээдүй хүлээн, Роффын овог удмынхаа хувьд “Рофф ба хөвгүүд" фирмийн захирлуудын зөвлөлд оржээ. Вивиан нийгмийн байр сууриараа түүнээс үлэмж доогуурт орно. Түүний эцэг, эх нь варьетагийн хөдөөрхүү маягийн жүжигчид байв. Вивиан гудамж, тайзны араас олж авсан хэсэг, бусаг мэдлэгээс өөр ямар ч боловсрол үгүй нэгэн. Алек бүсгүйн гэмээ нуудаггүй, гэнэн цайлган зантай болохыг нь мэдэх болжээ. Бүсгүй овжин зальтай ч гэлээ түүнд төрсөн биеийн ухаангүй даанч нэг үгүй. Гэсэн ч энэ бүхнийг эс хайхрах Алек түүнийг хормойдон хэнээтэнэ. Өөрийгөө дийлэхийг оролдоогүй гэж түүнд зэм өгч болохгүй. Тэрээр хэсэг хугацаанд түүнтэй ч уулзаж учрахаа больж нэгэнтээ' үзсэн боловч тусыг эс олжээ. Бүсгүй дэргэд нь байхад тэрээр хосгүй жаргалд умбаж, яваад өгөхөд түүнээс өөр золгүй нэгэн энэ дэлхийд үгүй мэт болдог байна.
Эцэст биеэ барьж дөнгөхөө байж өөр гарц үгүй болсныг мэдсэн хархүү бүсгүйн бие сэтгэлийг зүрх алдан гуйхад бүсгүй түүнийг хүлээн зөвшөөрөх яг тэр мөчид түүний жаргалд хязгаар гэж байсангүй.
Шинэхэн гэргий нь түүний төрсөн гэр Глостершир дахь XVIII зууны үеийн шилдэг архитектор Роберт Адамын загвараар бүтээсэн харшид нь заларч буулаа. Эл харш хэдэн зуун акр ногоон тэнгис мэт тариалангийн талбай, ноён Алекийн эзэмшлийн загас жараахай бужигнасан олон гол горхи бүхий хувийн ангийн аж ахуйн дунд нь байрлах агаад фирмийн харшийн хойд талд нь “Кейпабилити Брауц" хэмээх өргөн уудам паркийг байгуулжээ.
Доторх засал чимэглэл нь чамин тансгаараа гайхмаар Урд талд байрлах уулзалт, амралтын байрыг чулуун плитагаар, ханыг анхилам үнэртэй модоор хийжээ. Таазнаас нь эртний дэнлүүг хос хосоор нь өлгөн, энд тэндгүй Роберт Адамын загварын гантиг чулуун тавцантай, алтадмал хөлтэй ширээ, улаан модон сандал байрлуулсан байв. Номын сангийн тавилга нь Томас Хоупын загварын сандал, Генри Холлондын хийсэн номын шүүгээ, түмбүүшигээс бүрджээ. Зочдынх өрөөний тавилга нь уран нарийн хийц, хэлбэр дүрсээр гайхамшигтай тавилга, өрнө зүгийн ноосон хивсээр шалаа бүрсэн, таазнаас нь Уотерфордод урласан хоёр шилэн бүржүүл унжуулжээ. Хажуудаа тамхи татах өрөө бүхий асар том хоолны өрөөнд дөчин хүн өлхөн багтана Хоёр давхарт бүгд ханан зуухтай, XVIII зууны үеийн тэр хэвээрээ үлдсэн зургаан унтлагын өрөөтэй ажээ. Гурав дугаар давхар тэр чигээр нь зарц үйлчлэгч нарт зориулжээ.
Эл байранд ирснээс хойш зургаан долоо хоног өнгөрөөгүй байхад Вивиан,
- Алек аа, эндээс явцгаая хэмээв.
Тэрээр эргэлзсэн янзтай бүсгүйг ширтэн,
- Чи хэд хоног Лондонд байх гээ юу гэвэл,
- Би ер нь л эндээс явмаар байна гэжээ.
Алек нялх байхдаа хөрвөөн' тоглож өссөн маргад эрдэнийн ногоон өнгөт нугаа, аварга том дуб, агч моддоо цонхоор харан үг болгон нь хоолойд нь торох шиг түгдрэн,
- Вивиан, энд хачин нам тайван шүү дээ. Би. . . гэвэл бүсгүй,
- Мэдэж байна, муур минь. Энэ нам тайван, амгаланд чинь тэсэх арга алга хэмээн хариулав.
Дараагийн долоо хоногт тэд Лондон орлоо.
Ноён Алек хотод Найт-брижээс холгүй орших Уилтон-Кресентод асар том зочдын, ажлын өрөө, том хоолны өрөө бүхий дөрвөн давхар харштай юмсанж. Харш хойд талдаа хиймэл агуй бүхий английн үзэсгэлэнтэй цэцэрлэг, урт цагаан вандан сандал, хүрхрээ рүү харсан цонхтой ажээ. Дээд давхарт нь цуварсан олон өрөөнүүд, унтлагын бага шиг дөрвөн өрөө байрлана.
Хоёр долоо хоног хамт унтсанаа нэгэн өглөө Вивиан,
- Алек аа, би чамд хайртай, гэхдээ чи хамраа сэтэртлээ хурхирдгаа мэдэх үү гэж асуув.
Алек энэ дутагдлаа огт мэддэггүй гэнэ.
- Муурхан минь, би ганцаараа унтаж байвал дээр байна. Тэгэх үү?
Бүх юм Алекийн эсрэгээр эргэлээ. Мань эр эхнэрийнхээ зөөлөн халуун биеийг нь тэврэн хэвтэх дуртайсан. Гэвч тэрээр эр хүнийхээ хувьд Вивианы сэрлийг өдөөж чадахгүй, өөр эрчүүд түүнийг урин дууддаг гэдгийг нь сайн мэднэ. Тиймээс ч бүсгүй түүнийг өвөртөө хэвтэхийг хүсэхгүй байгаа нь илт.
- Тэгье л дээ, хонгор минь, чинийхээр больё гэж тэрээр өгүүлэв.
Ингээд эхнэр нь хуучин өрөөндөө үлдэж, Алек зочдод зориулсан унтлагын өрөөнүүдийн нэгэнд унтах болжээ.
Вивиан эхэндээ Алекийг парламентад үг хэлэхэд нь байнга ажиглагчдын суудалд сууж байдаг байлаа. Тэрээр эхнэрээ хөлөөс нь толгой хүртэл нэгд нэгэнгүй ширтээд түүнээс сайхан бүсгүй тэнд байхгүйг нь анзаарч өгүүлшгүй ихээр бахархана. Гэтэл нэг удаа ноён Алек үгээ хэлж дуусаад урьдын адил Вивианы зүг сайшаахыг нь хүлээн харц өргөвөл түүний харц хоосон сандал харсан ажээ.
Вивианы тэсгэл алдсанд Алек юуны өмнө өөрийгөө буруутгав. Түүний хижээл найз нөхөд нь бүсгүйн хувьд дэндүү хуучинсаг байгаа нь мэдээж. Иймээс эхнэр нь залуу найз нөхдөө гэртээ урихад нь Алек баярлаж тэднийг өөрийн нөхөдтэйгөө ойртуулахыг чармайна. Гэтэл үр дүн нь тун харамсалтайгаар төгсөв.
Алек Вивиан үр хүүхэдтэй болбол номхорч бүх юм өөрчлөгдөнө гэж өөртөө үргэлж батлан хэлнэ. Гэтэл нэгэн азгүй өдөр энэ тухай бодохоос тэсвэрлэх аргагүйдсэн Алек бүсгүй үтрээний халдвар авсны улмаас савыг нь авч хаясныг мэджээ. Алек хүүтэй болохын түмэн хүсэлд автан байж билээ! Эл мэдээ нь түүнд аянга ниргэх шиг болсон бол Вивиан ажиг ч үгүй,
- Муурхан минь, ингэж урвайхын хэрэг байна уу даа? гээд инээмсэглэв. Гэтэл мань эр аль хэдийн хүүхдийн цэцэрлэг, тоглоомын өрөө хүртэл хадгалсан байлаа.
Тэр эхнэрээ удтал ширтээд эцэст нь эргэн гарч явжээ.
Вивиан ямар ч тооцоо, шилэлт сонголт үгүй өөртөө элдэв бусын үнэт эдлэл, хувцас, машин худалдан авч мөнгийг хайр найргүй цацлахад нь Алект түүнийг хорих сэтгэл төрсөнгүй. Тэрээр тарчигхан ядуу өссөн болохоор гоё ганган эдээр дутагдаж байсан биз хэмээн өөртөө хэлээд энэ бүхнийг түүнд бэлэглэхийг хүсэвч, тэр болгон зөвшөөрч чадахгүй нь гачлантай. Түүний цалин пүнлүү, хөрөнгө нь “Рофф ба хөвгүүд” фирмийн акцид орсон тул гар хүрэх арга түүнд үгүй. Энэ тухайгаа Вивианд тайлбарлахыг оролдовч бүсгүй үүнийг нь сонсохыг ч хүссэнгүй. Ажил хэргийн яриа бүсгүйг зүдрээх тул Алек түүнийг зөнгөөр нь орхив.
Мань хүүхнийг мөрийтэй тоглодгийг нь тэр анх удаа Лондонгийн хамгийн наргиан самуун ихтэй дүүрэг “Тод-клаб”- ын эзэн Тод Майклзаас сонсжээ.
- Ноён Алек аа, надад дүнгээрээ найман мянган фунт хүрчхээд байгаа танай эхнэрийн гарын үсэгтэй баталгаа бий. Сүүлийн үед бүсгүй рулетэнд даанч нэг хийморьгүй болсон гэв.
Тоглоомгүй энэ явдал Алекийн сэтгэлийг ихэд зовоолоо. Эхнэрийнхээ гарын үсэгтэй төлбөрийг барагдуулчхаад тэр оройдоо Вивиантай нухацтай ярилцав.
- Бид ингэж болохгүй гэснээ, - Чи миний олж байгаагаас давуулж үрээд байна гэвэл бүсгүй ч нүглээ наманчлан,
- Муурхан минь, намайг уучлаарай. Чиний охин буруу юм хийжээ хэмээгээд түүнд дөхөж очоод наалдан хүзүүгээр нь чанга гэгч тэврэв. Түүний уур цухал ч тэр даруй замхран ариллаа. Энэ шөнө хүүхэн ор хөнжлийн ажилдаа мартахын аргагүйгээр түүнд үйлчилжээ.
Алек ч одоо бүх юм хэвийн сайхан болно гэж өөрийгөө ятгав.
Хоёр долоо хоногийн дараа Тод Майклз тэднийд дахин хүрч ирээд Вивианы бичсэн таван мянган фунт стерлингийн тооцоог гардуулав. Алек уурандаа дэлбэрэх шахан дээлэндээ ч багтахаа болилоо.
- Та нар түүнийг яах гэж зээлээр тоглохыг зөвшөөрдөг юм бэ? хэмээн уур нь буцлан исгэчүүлэн асуухад,
- Яагаад гэвэл энэ чинь таны эхнэр шүү дээ, ноён Алек гэж Майклз жишим ч үгүй хэлснээ,
- Түүнийг зээлээр тоглуулахаас татгалзана гэвэл бид яаж шуу царайг нь харах бэ, аан? Гэв.
- Надад ийм их бэлэн мөнгө алга. Гэвч би мөнгө олох болно гэж Алек хариулав.
- Санаа бүү зов! Үүнийг зээл гээд бодчих. Мөнгөтэй болмогцоо төлөөрэй.
Алекийн дотор жаахан уужраад,
- Ноён Майклз, та их сайхан сэтгэл гаргалаа гэв.
Сарын дараа Алек дахиад Вивианы тавьсан хорин таван фунт стерлингийн өрөнд унаж, зээл нь долоо хоногт арван хувиар өсч байгаа гэдгийг мэдээд айдаст автав. Ийм их мөнгө бэлнээрээ түүнд хаанаас ч олдохгүй. Тэр ч бүү хэл үл хөдлөх хөрөнгөө ч зарж болохгүй. Байр, хуучны эдлэл, машин, энэ бүхэн “Рофф ба хөвгүүд” фирмд хамаарагдана. Түүний уур цухал нь Вивианыг жийрхүүлж тэр дахин хэзээ ч мөнгөөр тоглохгүй гэж амласан боловч дэндүү оройтжээ. Алек аль хэдийн мөнгө хүүлэгч луйварчдын саварт оржээ. Хэдийг ч өгсөн тэр бүх өрөө төлж барахаа болив. Хамгийн аймшигтай нь сар болгон өр нь бүр ч их нэмэгдэх болов. Ийнхүү өр зээлийнх нь асуудал бүтэн сар үргэлжлэв.
Тонуулчин эр Тод Майклз түүнд өр төлбөрөө нэн даруй барагдуул гэж заналхийлэхэд Алек цагдаагийн комиссарт гомдол мэдүүлнэ гэхэд нь,
- Дороосоо аваад дээрээ хүртэл надад холбоо сүлбээ бий гэжээ.
Аргаа барсан эр, - Харин надад хамгийн доод зиндааны танил бий хэмээн жуумалзав.
Ийнхүү Алек одоо "Уайтс"-д энэ аймшигтай амьтны дэргэд жаахан ч болов хугацаа өгөхийг гуйн, омог бардам зангаа даран шалдаа бууж суув.
- Би тэдэнд зээлснээсээ ихийг өгсөн. Тэд. ..
- Ноён Алек та зөвхөн хүүг нь өгсөн. Үндсэн өр тэр чигээрээ үлдсэн хэмээн Суинтон өгүүлэв.
- Энэ чинь сүрдүүлэн шахалт байна гэж Алек хариу өчив.
Суинтоны нүд улаанаар эргэлдэж,
- Таны үгийг боссдоо дамжуулна гээд босохыг завдав.
Алек яаран, - Хэрэггүй ээ! Суугаач гэхэд Суинтон аажим эргэн суугаад,
- Ийм хэллэг хэрэглэхийн хэрэггүй дээ гэж сануулснаа,
- Ингэж хэлсэн нэг залуу шалан дээр хөсөр унасан гэв.
Алек энэ тухай уншсан аж. Крейн ах дүүс хохирлынхоо төлөөсөнд ийм шийтгэл сонссон байна. Хувь заяа нь мөргөлдүүлсэн эдгээр хүмүүс жинхэнэ өрөвдөх сэтгэлгүй амьтад байлаа. Алекийн дотор муухайраад ирлээ.
- Би тэнэг зүйл хийхгүй. Надад. . . надад бэлэн мөнгө алга.
Суинтон Алекийн хундаганд сигарынхаа үнсийг товшин гөвөөд, - Танд “Рофф ба хөвгүүд”- ийн дориун акц байдаг гэсэн, тийм үү? Тэр үнэн үү! гэхэд нь,
- Тийм ээ, гэвч тэднийг худалдах эсвэл бусдад шилжүүлдэггүй юм. “Рофф ба хөвгүүд” гэр бүлийн фирм хэвээр үлдсэн байхад акцийг ашиглаж болохгүй л дээ гэжээ.
Суинтон тамхиа шуналтайяа сорлоо.
- Гэр бүлийн фирм хэвээр хэр удаан байх вэ?
- Энэ Сэм Роффоос шалтгаална. Би акцаа зарах зөвшөөрөл авахаар түүнийг ятгахыг оролдсон.
- Дахиад оролд.
- Эрхэм Майклзад мөнгийг чинь өгнө гэж дамжуулаарай. Тэгээд намайг мөрдөн шиншлэхээ боль.
- Ноёнтон, таныг мөрдөж шинжлэх гэнээ?
- Чи биднийг мөрдөж эхэлмэгц мэдэх болно гайгүй, муу шаар минь. Эхлээд чиний адууны жүчээг чинь галдан шатаана, чи зөвхөн хэншүү ханхалсан адууны шарсан мах идэх болно. Дараа нь гэрийг чинь галдана. Магадгүй Вивиан ангаахайтай чинь цуг ч байж болох юм, хэн мэдэх билээ дээ! гээд тэрээр маасалзан инээхэд энэ инээд ноён Алекийг зарсхийлгэв.
- Чи ер нь шарсан ангаахай идэж байсан уу, аан?
Алек цонхийн цайлаа.
- Бурхныг бодож. ..
Суинтон тэр даруй дуу хоолойгоо эрс өөрчлөн тайван өнгөөр,
- За тоглосон юм. Тод Майклз- таны анд шүү дээ. Харин найз нөхөд чинь бие биедээ туслах ёстой биз, тийм үү дээ? Дөнгөж өнөөдөр бид хоёр таны тухай ярьж байсан юм. Босс юу гэж хэлснийг мэдэх үү? “Тэр ноён Алек сайн залуу. Хэрэв түүнд мөнгө байхгүй бол, тэр бидэнд ашигтай арга зам заавал ч үгүй олох болно” гэсэн шүү.
Алек царайгаа барайлган, - Ямар арга вэ? гэв.
- Тан шиг ухаантай залууд ямар нэг өвөрмөц арга бодож олоход ядах юу байх вэ? Та эмийн фирмийн хамтран эзэмшигчдийн нэг биз. Тэнд янз бүрийн бэлдмэл, тухайлбал кокаин ч юм уу үйлдвэрлэдэг байхаа. Зарим нэг наркотикийг авах газраас нь өөр хүлээн авагч руу санамсаргүй илгээчихвэл яах вэ?
Алек тээнэгэлзэн түүнийг харлаа.
- Та чинь солиорой юу, үүнийг хийх боломж үгүй гэж өгүүлэв.
- Гарах гарцгүй болсон улс санаж сэдэхдээ гайхалтай сайн байдаг юм шүү гэснээ Суинтон суудлаасаа босон,
- Нэг бол та бэлнээр нь нэг бол барааг хааш нь илгээхээ бидэнд хэлэх болох нь дээ гэлээ.
Тэрээр Алекийн тавганд тамхиа нухчин унтраагаад,
- Вивианд чин сэтгэлийн мэнд хүргээрэй, ноён Алек аа. Баяртай гээд Жон Суинтон алга болоод өглөө.
Ноён Алек ганцаар үлдээд эргэн олдохооргүй алдаж болох амьдралынх нь туршид түүнийг тойрон хүрээлсэн эд зүйлсээ сэтгэл өвдөн нүдэндээ харан суув. Хар элгийн хүний гэж хэлэх ганц зүйл нь тавган дээрх тосонд нэвчсэн тамхины ёзоор л байлаа. Тэрээр яахлаараа тэднийг өөрийн амьдралд хөндлөнгөөс хөл дүрэхийн зөвшөөрөх ёстой билээ? Тэрээр өөдгүй амьтдын хөл гарын үзүүрт гүйх шатрын хүү болоход хүрчээ. Одоо л тэдэнд мөнгө биш чухам юу хэрэгтэй болохыг нь мэдэж авчээ. Мөнгө гээд байгаа нь ердөө л түүний орсон урхи. Тэд фирм дэх түүний байр суурийг, үйлдвэрлэдэг бэлдмэлийг сонирхож байгаа юмсанж. Тэд түүнийг өөрсөдтэйгөө хамтран ажиллахыг албадан оролдож байна. Хэрэвзээ парламентын эсрэг бүлгийнхэн түүнийг эрүүгийн хэрэгтнүүдийн гарт орсныг мэдвэл үүнийг нь тэр даруй ашиглана. Намын нөхөд нь ч даруй огцрохыг шаардана. Бүх юм ая дангаараа маш нууц явагдана. Парламентын бүрэн эрхийг нь хураах шахалт үзүүлэх нь дамжиггүй. Тэгээд ёс төдийхөн ажил олгоод, жилдээ хатан хааны зарлигаар хэдхэн зуун фунт стерлингийн цалин олгох болно. Гэтэл парламентын гишүүд хатан хаанаас ч, засгийн газраас ч мөнгө авах эрхгүй байдаг. Ингээд ноён Алекийг парламентад эргэж орохыг огт зөвшөөрөхгүй. Үүний учиг шалтгаан нь тун удахгүй бүхний сонорт дуулдах нь лав. Тонуулч этгээдүүдэд хэрэгтэй мөнгийг нь нэг амиар төлчихгүй бол нэр төр нь хугарч гүйцэх аюул тулгарчээ. Тэрээр Сэм Роффтой үнэт цаасны худалдааны зах зээл дээр акцийг худалдах хоригийг болиулахыг зөвшөөрүүлэх гэж хэд хэдэн удаа ярьж үзэв.
- Энэ тухай бодлоо март гэж Сэм хариуд нь өгүүлээд,
- Хэрэв бид хөндлөнгийн хүн, бидний хамтрагч болохыг зөвшөөрвөл тэд даруй биднийг юу хийхийг минь зааж сургаж эхэлнэ. Биднийг нүд ирмэхийн зуурт тэд эхлээд Захирлуудын зөвлөлийг, дараа нь бүх компанийг маань гартаа авах болно. Алек, чи ер нь яах гээ вэ? Чамд ойр зуурын зардалд чинь зориулсан хүрэлцэх хангалттай цалин өгч байгаа гэж бодох юм. банканд ч нээлттэй данс бий. Бэлэн мөнгөөр яах гээ вэ? гэжээ.
Алек агшин зуурт бэлэн мөнгө юунд хэрэг болсноо Сэмд хэлэнгээ алджээ. Ингэлээ гээд ямар ч нэмэргүйг тэр мэдэж байв. Сэм Роффын хувьд фирм нь амин чухал хэрэг тул бусдыг даанч нэг өрөвдөх сэтгэл үгүй. Хэрэв Алек фирмийн нэрийг өчүүхэн төдий гутаах гэж буйг тэрээр мэдвэл түүнийг нэн даруй зайлуулах бололцоотой бүхнийг хийнэ. Үгүй, Сэм Рофф бол аргаа барсны эцэст уулзаж болох хамгийн сүүлийн хүн байлаа.
Ингээд ноён Алект аюул заналхийлэх нь тэр.
“Уайтс”-ын хаалгач эр зарлагын саарал дүрэмт хувцастай нэгэн хүнийг дагуулсаар Алекийн ширээнд дөхөж ирэв. Нөгөө хүн гартаа нэгэн дугтуй барьжээ.
- Эрхэм Алек, өршөөгөөрэй хэмээн хаалгач эр гүнтэнд хүндэтгэлтэйгээр мэхийн ёслоод, '
- Энэ хүн таны гарт тань биечлэн нэг юм өгөх ёстой хэмээн зүтгээд байх юм гэхэд нь,
- Танд баярлалаа гэж ноён Алек талархав.
Зарлага дугтуйгаа түүнд өгчхөөд хаалгачийг даган гарах хаалга руу эргэв.
Алек дугтуйг нээхээсээ өмнө удтал харан суулаа. Доторхыг нь гурван удаа уншсаны хойно цаасыг хумхин базаад нүдэнд нь нулимс цийлгэнээд иржээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.03.16 2:13 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Самован аа маш сонирхолтой, уншаагүй ном оруулж байгаад баярлалаа, энүүгээр байнга эргэлдэж шалгадаг ч шинэ ном ерөөсөө орохгүй л байсан, Сиднеи бол сайн зохиoч шүү,


Top
   
PostPosted: Feb.04.16 10:40 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 6.

Нью-Йорк хот.
Даваа гариг. 9 сарын 7. 11.00 цаг.

Хувийн “Боинг- 707- 320” онгоц Кеннедийн нисэх буудалд газардах дарааллаа хүлээнэ. Удаан, зүдэргээтэй нислэг дуусч, Рис Уильямз нислэгийн туршид дугхийж чадалгүй, оролдсон ч үгүй явсаар нэлээдгүй ядарчээ. Тэрээр Сэм Роффын хамт энэ онгоцоор үргэлж нисэж байж билээ. Гэтэл одоо тэр үл үзэгдэвч, дэргэд нь үргэлж байгааг мэдэрсээр байлаа.
Элизабет Рофф түүнийг гэртээ хүлээж байгаа. Рис Стамбулаас илгээсэн цахилгаандаа зөвхөн маргааш очих болсноо бүсгүйд дуулгажээ. Мэдээж эцэг нь таалал төгссөн тухай түүнд утсаар дуулгаж болох байсан авч, бүсгүйд эрхэм хүндэтгэл хүлээх ёстой хэмээн бодсон ажээ.
Онгоц хэдийн газардан, хүзүүвч тийш чиглэн жолоогоо залж эхлэхэд, тээш гэх юмгүй Рис гаалийн үзлэгт орохоор яаравчлав. Тэнгэр бүүдгэр оргин сааралтах нь удахгүй гадаа жавар сэнгэнэхийн тэмдэг биз. Хажуу хаалганы дэргэд Элизабетын хүлээж буй Лонг- Айленд дахь Сэм Роффын гэр рүү хүргэж өгөх лимузин түүнийг хүлээн зогсоно.
Рис явах замдаа Элизабетад хэлэх үгээ дахин давтаж явснаа гэнэт үүд нээсэн Элизабетыг босгон дээр зогсож байхыг хармагц урьдаас бэлтгэн байсан тэр үгс нь толгойноос нь арчигдан ор мөргүй алга боллоо. Рис Элизабеттай нүүр тулан уулзах тоолондоо түүний гоо үзэсгэлэнг гайхан шагшина. Царай зүсээрээ бүсгүй эхийгээ дуурайн урт шигүү сормуустай, цоргисон тас хар нүд, язгууртан төрхийг нь өвлөжээ. Бүсгүй торго мэт зөөлөн, цагаан арьс, хөх туяа татсан хар үс, зорж урласан мэт гуалиг чавхайсан биетэй аж. Тэрээр задгай энгэртэй цайвар шар торгон цамц, хуниастай саарал тэрмэн банзал, хүрэн шар туфль өмсжээ. Түүнд есөн жилийн өмнө анх харсан нугасны муухай дэгдээхий аятай нүдэнд хүйтэн болхи охиноос юу ч үлдсэнгүй. Тэр царайлаг, ухаантай, ялдамхан бүсгүй хүний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн болон хувирчээ. Бүсгүй түүний ирсэнд баярлан инээмсэглэж, гараас нь хөтлөөд,
- Рис орооч хэмээгээд царс модоор урласан номын сан руу аваачиж,
- Чи Сэмтэй цуг ирсэн үү? гэв.
Гашуун үнэнээс гарах гарц байсангүй! Рис цээж дүүрэн амьсгаа аваад,
- Сэмд золгүй явдал тохиолдлоо, Лиз аа гэв.
Хүүхний царай агшин зуурын төдийд хэрхэн хувирахыг нь Рис ажив. Бүсгүй түүний цааш ярихыг нь чагнан дуугүй зогсоно.
- Тэр таалал төгсжээ.
Хүүхэн өчүүхэн төдий ч хөдлөлгүй зогссоор. Эцэст нь ам нээхэд Рис түүний үгийг арай ядан сонсов.
- Юу... юу болоов?
- Бидэнд одоогоор тодорхой мэдэх юм алга. Тэд мөсөн уулын оргил дээр гарах үед олс тасарч тэрээр ангал руу унасан гэнэ.
- Олж чадсан уу?
Бүсгүй нүдээ аньснаа дахин нээгээд,
- Ёроолгүй ангал руу гэлээ.
Түүний нүүр амьгүй мэт цонхийн цайлаа. Рис сандран,
- Бие чинь муу байна уу? гэвэл бүсгүй тэр даруй инээмсэглээд,
- Үгүй, зүгээр дээ, баярлалаа. Цай уух уу эсвэл юм идэх үү? гэв.
Рис түүнийг гайхан харж нэгийг хэлюү гэснээ юу болоод байгааг нь ухаарлаа. Шоконд орсон бүсгүй юу ярьж буйгаа ч мэдэхээ больж, түүний нүд нь ер бусаар гялалзаж царайд нь эелдэг гэмээр инээмсэглэл царцжээ.
- Сэм агуу тамирчин байсан гэж Элизабет хэлснээ, - Та түүний шагналыг үзсэн үү. Тэр дандаа ялдаг байсан даа, тийм үү? Түүнийг Монбланд авирсныг та мэдэх үү? гэхэд нь,
- Лиз. . . гэвэл,
- Тийм ээ, мэдээж та мэднэ л дээ. Рис ээ, та нэг удаа түүнтэй хамт тэнд байсан байх аа? гэв.
Рис уй гашуудаа автан ганцаар үглэх бүсгүйн үгийг таслан саад хийхээ болилоо. Бүсгүйг сонсон байх тэр нэгэн агшинд анх харсан уян сэтгэлтэй, болхи охин нь амь орон уй гашуут бодит байдлаас өөрийгөө хамгаалж ядан байх тийм нэгэн дүр түүний ой тойнд дурайн тодров. Яг одоо тэрээр мэдрэлийн цочролд орж, нэгэнтээ ер бусын тайван байхыг хүчлэн чармайж, нэгэнтээ арчаагүй дорой болоход Рис тэсгэл алдан,
- Эмч дуудахыг минь зөвшөөрнө үү гэж тэр өгүүлээд,
- Чамд ямар нэг... гэхэд нь,
- Үгүй, үгүй. Би зүв зүгээр байна. Хэрэв чи татгалзахгүй бол би явж хэвтье. Би жаахан ядарсан бололтой гэлээ.
- Би үлдэх үү?
- Үгүй, баярлалаа, хэрэггүй. Ингэх хэрэггүй гэдгийг танд баталъя.
Бүсгүй түүнийг үүд хүртэл үдэж өгөөд машиндаа суусан хойно гэнэт,
- Рис ээ! гэж дуудав.
Мань эр эргэн харвал,
- Хүрч ирсэнд чинь гялайлаа гэв.
Ээ Тэнгэр минь гэж!
Рис Уильямзыг явснаас хэдэн цагийн дараа Элизабет Рофф орон дээрээ тааз руу гөлрөн есөн сарын үлбэгэр шар нарны таазан дээр зурайх хээ угалзыг хий гөлрөн, дараа дараагаар өөрчлөгдөн байхыг нь ажиглан хэвтэнэ.
Ингээд зовлон эхэллээ. Бүсгүй энэлэн шаналахгүй гэхдээ тайвшруулах эм ч уусангүй. Сэмийн төлөө үүнийг хийх ёстой. Түүний охин тул эл бүхнийг тэсвэрлэн гарах нь лав. Бүсгүй бүтэн өдөр, бүхэл шөнийн турш юу ч бодолгүй, бүхнийг бодож, бас бүхнийг эргэн дурсаж, бүгдийг тэсвэрлэн хөдлөх ч үгүй хэвтсээр. Тэрээр нэг инээж, нэг уйлснаа, хийрхэж буйгаа мэдрэв. Ингэлээ гээд дээрдэх юм байсангүй. Одоо хэн ч түүнийг харахгүй, хэн ч түүнийг сонсохгүй юм чинь яаж байсан ч яахав дээ. Шөнө дундын хэрд бүсгүй өлөн араатан аятай өлссөнөө гэнэт мэдрэн галын өрөө рүү очин томоо гэгчийн сендвичийг нэг амьсгаагаар идэж орхитол гэнэт дотор ць муухайран бөөлжис нь цутгав. Гэсэн ч дээрдэх юм алга. Түүнийг эзэмдсэн зовлон намдах янз даанч алга. Бүсгүй ой тойндоо эцгийнхээ амьд ахуй цагийг эргэн бодно. Тэрээр цонхоороо наран мандахыг харлаа. Хэдэн цагийн өмнө үйлчлэгчийн нэг нь хаалга цохиход Элизабет түүнд юу ч хэрэггүй гэдгээ хэлсэнсэн. Гэнэт утас дуугарахад “Энэ чинь аав минь ярьж байна уу“ гээд зүрх нь баяр хөөрөөр булгилав. Гэвч эргэн санаад гараа угз татан авав.
Тэр дахиад хэзээ ч ярихгүй. Бүсгүй эцгийнхээ дуу хоолойг нь дахин хэзээ ч сонсохгүй. Түүнийг хэзээ ч харахгүй болох нь тэр ээ.
Ёроолгүй ангал!
Ёроолгүй.
Элизабет хэвтсээр, өнгөрсөн үеийн цаг хугацааны давлагаанд хөвсөөр, ямар байсныг эргэн дурссаар байлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.04.16 10:41 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 7.

Элизабет Роуан Рофф давхар гаслан авчран хорвоод мэндэлсэн ажээ. Эх нь төрөхийн хүндрэлээр нас нөгчсөн нь бага гаслан, их гаслан нь Элизабет охин болон төрсөн явдал байв. Энэ хорвоод мэндлэхээс өмнө эхийнхээ хэвлийд есөн сарын туршид байхдаа тэр агуу том эзэнт улсын, олон саяын хөрөнгийн, “Рофф ба хөвгүүд" гэх концерныг өв залгамжлах тун ч удаан хүлээлгэсэн хүүхэд байжээ.
Сэм Роффын эхнэр Патриция нь гэрлэхээс өмнө тас хар үстэй, шагширмаар үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Сэм Роффын нийгмийн байр суурь, алдар хүнд, эд баялагт нь шунахайрагч олон ч хүүхэн түүнтэй суухыг чармайж, янз янзын аян шалтаг хэлж байсны дотроос хамгийн адгийнх шалтаг болох түүнд дурласнаа хэлсэн Патриция түүнтэй гэрлэжээ.
Гэрлэлт гэдэг нь Сэмийн хувьд яг л худалдааны хэлэлцээр аятай явагдаж, Патриция .ч түүний санаанд хүртэл өв тэгш хариулжээ. Сэмд гэр бүлтэй байх цаг ч, хүсэл ч байсангүй. Түүний амьдралд “Рофф ба хөвгүүд" фирмээс өөр юу ч багтах зай завсар үгүй. Тэрээр ойрын садан төрлийнхнөөсөө гагцхүү компаниа бишрэн шүтэхийг шаардана. Патрициягийн нэг сайн тал нь компанийн дүр төрхийг хэрхэн өөд нь татах талаар тэдэнд олон санаа оноо хэлдэг байжээ. Патриция хайр сэтгэл нь түүнийг юунд хүргэснийг ойлгосон тэр,үед хэдийн оройтсон байлаа. Сэм түүний үүрэгт ажлыг товлон өгч, бүсгүй ч түүнийг гялалзтал гүйцэтгэнэ. Тэр гайхалтай гэргий, гайхамшигтай хатагтай Рофф байв. Эхнэр нь энэ бүхнийхээ төлөөсөнд түүнээс хайр халамж хүртэхийг оронд, яваа яваандаа түүнд дурлан, цэнэд нь цэнгийн хариу төлөхөд суралцжээ. Тэрээр Сэмд компанийн албан хаагч шиг, гарын нарийн бичгийн даргад шиг үйлчилнэ. Бүсгүйн ажлын өдөр нь хоногийн эргэлтэд үргэлжилж, аварга том ертөнцийн хэдэн зуун хүнийг зугаацан наадуулах тушаал авч Сэмийн заасан газар руу нисч очин, гоёмсог хатгамал бүхий бүтээлгээр бүтээсэн ширээг шинэхэн, тансаг бүхнээр дүүргэн, солонгын өнгөөр гялалзах болор эдлэл, мөнгөн эдлэлээр засна. Патриция бол концерны биржээр ч худалдаалагдах ёсгүй цорын ганц үл хөдлөх хөрөнгө нь байв. Бүсгүй уйлсан ч, дуулсан ч амьдралын хатуу хүтүүг даван туулах тэвчээртэй, гоо сайхан хэвээр байхыг чармайна. Гоолиг сайхан бүсгүйн хувцсыг Нью-Йоркийн Норелля, Парижийн Шанель, Лондонгийн Харнелл, Дублинд Сибилл Конноллийн загвараар, үнэт эдлэлийг нь түүнд тусгайлан Шлумберг, Булгар хоёрт л хийдэг байв. Минутаар хуваарилагдах түүний амьдрал нь баяр жаргалгүй хөндий хоосон байлаа. Бүсгүй хөл хүндтэй болж бүх юм агшин зуурын төдийд өөрчлөгдөв.
Сэм Рофф нь Роффын удмын цорын ганц эрэгтэй өв залгамжлагч тул түүнд нуган хүү хэрэгтэй гэдгийг ойлгосон бүсгүй эзэнт гүрнийг нь залгамжлах хан хүү төрүүлэн, хатан эх болохын төлөө чармайж байв. Патрицияг төрөх газар руу авч явахад Сэм гарыг нь энхрийлэн илээд,
- Чамдаа баярлалаа гэжээ.
Гучин минутын дараа бүсгүйн зүрх нь гэнэт зогсон нөхрийнхөө удтал хүлээж байсан горьдлого нь тасарсныг мэдэлгүй таалал төгсжээ.
Сэм товлосон ажил хэргийн уулзалт, хуваарьт томилолтын хажуугаар цаг гарган эхнэрээ оршуулчхаад өнчин хоцорсон улаан цурав охиноо хэрхэхээ бодох боллоо.
Элизабетыг төрснөөс долоо хоногийн дараа авчран, асрагч эхийн халамжид өгчээ. Эхний таван жилд Элизабет эцгийнхээ барааг тун ховорхон харжээ. Тэрээр бүдэг бадагхан толбо аятай үл таних хүн мэт үзэгдэх төдийхөн ирчхээд тэр даруй алга болчихдог байв. Эцэг нь байнга ийш тийш хэсэн явж, харин Элизабет түүний хувьд авч явахад саад болдог хэрэгцээгүй нэгэн тээш шиг хаягдаж хоцорно. Элизабет нэг сарыг Лонг-Айленд дахь теннисний талбай, усан сан, тоглоомын талбай бүхий байр- андаа өнгөрөөжээ. Долоо хоног өнгөрмөгц асрагч эх нь түүний хогшлыг хаман баадагнаж, охин Биарриц дахь харшдаа иржээ. Харш нь тавин өрөө тасалгаатай, байшингийн эргэн тойрон гучин акр талбай бүхий өргөн уудам цэцэрлэг бүрхсэн, үүний зэрэгцээгээр .Сэм Рофф тэнгэр баганадсан “Бикман-плейс”-ын дээвэр дээр бариулсан хоёр давхар байр, Коста-Смеральдад, Сардин дахь асар том харшийг эзэмшинэ. Элизабет, харшнаас харш хэсэн хэмээс хэтэрсэн тансаг орчинд өсжээ. Гэвч охин өөрийгөө үл таних, үл хайрлах хүмүүсийн түүнд зориулан зохиох энэ сайхан баяр баясгаланд санамсаргүй орж ирсэн хөндлөнгийн хүн мэт санана.
Өсөж торнихын хэрээр Элизабет Сэм Роффын охин байх гэдэг юу болохыг ойлгох болов. Эх шигээ компанийн золиос болсон охин сэтгэл санааны хохирол амсах болжээ. Охинд хөлсний үүрэг гүйцэтгэгчид, түүнийг огтод үл хайхран компанийн ажилд бүрмөсөн дарагдсан эцгийнх нь хаа нэгтээ үзэгдэх бөртөлзсөн дүрснээс өөр гэр бүл үгүй тул тэрээр гэр, бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрсэнгүй.
Патриция өөрийн хувь заяатай эвлэрнэ хэмээн хамаг хүчээ а1авхдаг асан бол, балчир охины хувьд энэ нь дэндүү ахадсан эрүү шүүлт байлаа. Элизабет хэнд ч хэрэггүй, хэнд ч хайрлагдахгүй буйгаа мэдэрч, цөхөрсөндөө энэ бүхэнд зөвхөн өөрийгөө буруутгаж, яадаг ч байсан эцгийнхээ хайр элбэрлийг татахыг хичээх болов. Сургуульд ормогц Элизабет ангидаа хийсэн баримал, зурсан зургаа авчран эцэг нь үзэн гайхаж “Сайн байна, Элизабет! Чи их авьяастай гам” хэмээн шагшин магттал хэнийг ч гар хүргэдэггүй байв.
Ээлжийн нэгэн томилолтоос нь ирэхэд охин мөн л урьдын адил хайрын бэлэг амсах гэтэл, эцэг нь тэднийг нь хайнгадуу хараад,
- Чи зураач болж чадахгүй нь илт байна гэх нь тэр.
Элизабет заримдаа шөнө дундад сэрээд “Бикман-плейс” дэх байрныхаа урт эргүүлгэн шатаар доош буун, ариун сүм дуган орж буй мэт зүрхээ шимшрүүлсээр асар том агуй мэт эцгийнхээ өрөө рүү орно. Энэ нь дэлхий даяар удирдах чухал баримт бичиг үсэглэн, ажил албаа эрхэлдэг эцгийнх нь ажлын өрөө байлаа. Элизабет арьсаар бүрсэн асар том ширээ рүү явж очоод, аяархан илснээ, сандал дээр нь суув. Ийнхүү охин эцгийнхээ суудаг сандал дээр сууж байхдаа эцэгтээ бүр ч ойртож түүний нэгэн биеийн тасархай нь болохоо мэдрэх ажээ. Охин дотроо эцэгтэйгээ ярихад тэрээр охины ярихыг сонирхон сонсоно. Нэг удаа Элизабет эцгийнхээ сандалд сууж байтал гэнэт гэрэл гялсхийн аслаа. Эцэг нь босгон дээр зогсож үзэгдэв. Тэрээр унтлагын нимгэн хувцастай Элизабетыг ширээний ард суухыг хараад,
- Чи харанхуйд ганцаараа юу хийж байгаа юм бэ? хэмээн асуув.
Эцэг нь түүнийг тэврэн дээш аваачин оронд нь оруулахад Элизабет эцгийнх нь гар түүнийг биедээ наан тэврэн байсныг бодсоор цурам хийлгүй хоножээ.
Энэ нэгэн явдлаас хойш тэр шөнө болгон доош ажлын өрөөнд орж, эцгийгээ ирж дээш нь аваачихыг хүлээн суудаг болсон авч энэ явдал дахин давтагдсангүй.
Хэн ч хэзээ ч Элизабеттай эхийнх нь тухай дурсаж байсангүй, гэхдээ Элизабет зочдын өрөөнд өлгөөтэй байх Патрициягийн хөрөг зургийг хэдэн цагаар харан сууна. Дараа нь охин толины өмнө эргэлдэнэ. Үзээрийн царай муутай! Толинд шүдний гажиг, орсгойг нь засах аппараттай охин яг л мануухай аятай үзэгдэнэ. “Аав надад яагаад хайргүй байдгийг одоо ойлголоо” гэж Элизабет бодов.
Тэрээр гэнэт өлөн араатан аятай ховдог болсон ч жингээ барихыг аль байдгаараа чармайх болжээ. Үүний шалтгаан нь тун инээдтэй, хэрэвзээ тэр болхи бүдүүн дээрээ царай муутай байвал хэн түүнийг эхтэй нь зүйрлэх билээ дээ.
Элизабет арван хоёр нас хүрмэгц Манхэттен дахь хувийн хаалттай сургуульд суралцах болов. Түүнийг тансаг “роллс-ройс”-оор жолооч хүргэж өгнө. Охин ангидаа дуу шуу ч үгүй эргэн тойрноо эс хайхран бодолд умбан дүнсийн сууна. Түүнээс юм асууж шалгаахад юу хариулахаа эс мэдэн хариу өгдөггүй тул багш нар нь төд удалгүй түүнийг анзаарахаа болив. Түүний байр байдлыг багш нар нь өөр хоорондоо ярилцаад, энэ хорвоогийн хамгийн эрх танхи охин гэдэгт нэг санаагаар итгэцгээв. “Элизабет Роффыг ямар нэг амжилтад хүргэж чадсангүй. Охин нөхдөөсөө цэрвэн, ангийн ажилд оролцдоггүй, даалгавар хийе гэж чармайдаггүй. Тэр ихэмсэг, хар амиа бодсон, хувиа хичээх зантай. Түүний эцэг нь манай сургуулийн үндсэн ивээн тэтгэгч биш байсан бол би түүнийг нэн даруй хөөлгөх талаар шаргуу хөөцөлдөх байсан” гэж жилийн тайландаа тодорхойлон бичсэн байдаг байна.
Элизабет түүнийг бүрэн эзэмдсэн аймшигт ганцаардлаас ангижрах гэсэн найдвар нь бүрмөсөн мөхөж, хэнд ч хайрлагддаггүй, шалихгүй амьтан болохыг нь хэн нэгэн мэдчих вий хэмээн эмээхдээ найз нөхөдтэй болохоос ч айна. Гэтэл охин үнэндээ бол бардам зангүй, төрөлхийн бүрэг ичимхий ажээ. Тэрээр эцгийнхээ оршин байх энэ ертөнцөд хар элгийн хүн гэдгээ мэдэрч байв. Сургууль руу “роллс-ройс”-оор хүргэж өгөхөд ингэх албагүй хэмээн дургүйцнэ. Охин багшийнхаа асуултыг сайн мэдэх авч бусдын анхаарлыг өөртөө татахгүй гэсэндээ ам нээж дуугарна гэж үгүй. Охин ном унших гэж ёстой нэг ар араас цувруулан өдөр, шөнөгүй шудраад хаячихдаг байжээ.
Тэр үргэлж сэтгэлдээ ургуулан сайхан гэгч нь мөрөөднө. Ээ дээ, ёстой нэг шавайгаа ханатал мөрөөднө өө! Тэр эцэгтэйгээ Парижид байж, Булонскийн ойгоор хамтдаа зугаалан, эцэг нь Гэгээн Патрикийн дуган мэт асар том ажлынхаа өрөөнд урьж авчраад чухал бичигт гарын үсэг зуруулахаар орж ирсэн хүмүүсийг,
- Та нар чинь завгүй байгааг харахгүй байна уу? Би Элизабет охинтойгоо ярьж байна гэж загнан хөөнө.
Тэд Швейцарт хүйтэн салхинд хацраа хайруулан салхи татуулан гулгаж байтал гэнэт эцэг нь унан тусаад хөлөө хугалан өвдсөндөө дуу тавин орилоход,
- Аав аа, бүү зов! Би таныг асарна гээд эмнэлэг рүү хар хурдаараа гүйн очоод,
- Хурдлаарай! Аав маань хөлөө хугалчихлаа гэнэ.
Цагаан халаадтай олон эмч түүнийг хагалгааны өрөөнд авчрахад охин туж хамт байн харж хандаж, хөлөө биш гараа хугалсан аятай ам руу нь хоол халбагадан өгч байхад эх нь амьд мэнд ороод ирэх юм шиг,
- Патриция, би чамтай уулзаж чадахгүй нь харж байгаа биз, би охинтойгоо ярьж байна хэмээнэ.
Эсвэл тэд Сардинийн харшдаа амьдарч байхад зарц нар нь тэднийг орхиж явцгаахад, Элизабет түүнд гараа гарган хоол хийж өгөхөд нь тэрээр дахин дахин нэмснийхээ дараа,
- Чи ээжээсээ илүү сайхан хийж байна шүү гэнэ. Эцэг охин хоёрын хоорондын жүжиглэл нэгэн хэвийн үзэгдлээр шувтрах нь олонтаа. Хаалганы хонх дуугарч эцгээс нь арай өндөр нэгэн эр орж ирээд Элизабеттай гэрлэн суухыг гуйхад эцэг нь,
- Элизабет! намайг бүү орхиорой. Би чамгүйгээр байж чадахгүй гэнэ.
Элизабет өсөж торнисон бүх л харш ордуудаасаа Сэм Роффын хамгийн том, хамгийн тохитой, хамгийн сайхан Сардинийн харшдаа илүү элгэмсүү байдаг ажээ. Италийн эргээс баруун өмнөд тэнгисээс 160 милийн зайтай орших хад хавцлаар хүрээлэгдсэн уул, тэнгис ногоон хөндийн гайхалтай хөрөг мэт Сардинийн арал өөрийн эрхгүй түүнийг даллан дуудна. Тэнгисийн өвөрмөц үнэр, салхи, гайхамшигт цэцэгс гээд Наполеоны дуртай байсан үнэрийг Элизабет цээж дүүрэн үнэртээд үнэртээд ханадаггүй аж.
Роффын бас нэгэн харш Порто-Черво дахь. Кост-Смеральдад орших агаад хүүхдийн уран сэтгэмжээр хийсэн үү гэмээр янз бүрийн хэлбэр бүхий чулуугаар өрж, дотор талыг нь том дүнзээр доторлон, тус бүр нь тагттай олон тохилог тасалгаа нь дор бүрнээ ханан зуухтай. Зочдын өрөө, гал зуухыг арлыг бүхэлд нь харуулах том цонхоор хийжээ. Дээд давхар дахь унтлагын дөрвөн өрөө рүү тахиралдан мушгирсан эргүүлгэн шатаар орно. Ердийн модон ширээ сандал зөөлөн буйдан гээд тавилга мод нь хуар нийлэн зохицож, цагаан ноосон эдээр хийсэн цацлага бүхий хөшиг цонхондоо унжуулан чимжээ. Унтлагын болон угаалгын өрөөнд уламжлалт хээ хуагаар чимэглэсэн ноосон хивс өвч дэвсэж, хана туургаар нь францын импрессионист, италийн урчууд, Сардинийн примитивистуудын зургийг тойруулан өлгөөд гол хэсэгт нь Сэмюэль Рофф, Терений Рофф, Элизабетын элэнц хуланцын хөргийг өлгөжээ.
Элизабет энэ агуу том байшингийнхаа бүх өрөөнүүдийн дотроос шовгор хэлбэртэй, вааран дээвэртэй цамхагт илүү дуртай ажээ. Эл өрөө рүү хоёр давхраас шатаар бууж ирэх агаад аав нь энэ өрөөг ажлын өрөө болгожээ. Өрөөнд ажлын том ширээ, эргэдэг буйдан сандал тавьж, ханыг нь бүхэлд нь номын шүүгээ болгож, мөн Роффын эзэнт улсын харьяаллыг үзүүлсэн карт өлгөөстэй. Хоёр хавтастай хаалгаар Элизабетын харахаас толгой эргэн айдас хүрдэг хавцал хад харагдах тагт руу гарна.
Арван гурван настай Элизабет анх удаа чухамдаа энэ байшингаас ганцаардлынх нь хана хэрмийг нураасан ураг удмынхаа уг сурвалжийг, агуу том бүлийн мах цусны тасархай гэдгээ мэдэрсэн тэрхүү ойлголтыг олж авчээ.
Энэ бүхэн тэр нэгэн Номыг олсон цагаас эхэлж, энэ үед эцэг нь Олби руу явчихсан эзгүй байсан тул түүнд цамхгаас гарах ч хэрэг байсангүй. Номын тавиур дүүрэн түүний хэдийн мэдэх болсон эм судлал, эм зүй, олон улсын эрх зүй гэхчлэн номууд өрөөтэй байх нь түүний сонирхлыг үл татна. Гэтэл нэгэн шилэн хоргонд тусгайлан хэдэн ном хадгалагдан байдаг байв. Тэнд дундад зууны үеийн “Circa Instants”, “De Materia Medica” гэсэн хоёр боть ном байлаа.
Элизабет сургуульд латин хэл сурсан тул сонирхон үзэхээр хоргыг онгойлгон номыг авбал ард талд нь бас нэгэн зузаан, арьсаар хавтасласан нэр хаяггүй ном байхыг олж харжээ.
Элизабет сонирхон номыг авч нээн үзвэл түүнд нэгэн тэс өөр ертөнцийн үүд хаалга нээгдэх шиг болов. Энэ нь хувиараа элгэн дээр англи хэлээр бичигдсэн өвөг эцэг Сэмюэль Роффынх нь намтар түүх байх ажээ. Номонд зохиогч, хэвлэсэн цаг хугацаа гэж байсангүй. Гэвч ихэнх хуудас нь гандан шарласан нь уг ном зуун жил илүү болсон нь лавтай. Энэ ч яахав шалихгүй хэрэг. Хамгийн гол нь доор өлгөөтэй байх тэр л хөргүүдийг амь оруулан, утга учиртай болгох үүх түүх байлаа. Элизабет хуучин цагийн хувцастай эрэгтэй, эмэгтэй хоёрын зургийн өмнүүр олон зуун удаа өнгөрч явна. Эрэгтэй нь тийм ч царайлаг биш ч гэлээ, түүнд дотоод эрч хүч, ухаан байх нь мэдрэгдэнэ. Тэр цайвар үс, славян маягийн өргөн шанаатай нүүр, тод цэнхэр нүдтэй. Эмэгтэй нь үзэсгэлэн гоо, хар үс, тас хар нүд, өөгүй цэвэрхэн царайтай. Тэрээр цагаан торгон палааж өмсөн, хоргой цээживч нөмрөг нөмөрчээ. Үл таних тэд Элизабетын хувьд ямар ч учир холбогдолгүй байсан сан.
Элизабет цамхагт суугаад Номыг уншиж эхлэхэд цаг хугацаа гэнэт ухарч Сэмюэль, Терени хоёр амь орон, охин тэдний хамт 1853 онд, Краковын хороонд очсон мэт мэдрэмж төрөв. Цаашлан унших тутам Элизабет элэнц эцэг Сэмюэлийнхээ тухай,“Рофф ба хөвгүүд”-ийн үндэслэн байгуулсан тухай, засаршгүй зөгнөгч, зальхай этгээдийн тухай ихийг мэдэж авчээ.
Мөн алуурчны тухай...

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.04.16 2:03 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
маш их баярлалаа, энэ айлын эмэгтэйчүүд нь эрийн тэнгэргүймүүү, дандаа нэг сонин нөхдүүдтэй сууцан, өөрсдөө ч бас хэвийн биш юм шигээ, харин Eлизабет нь гайгүй юм уу даа., Сиднеигийн баатрууд угаасаа нэг тийм ненормалныи улсууд байдаг даа


Top
   
PostPosted: Feb.04.16 11:38 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.11.15 2:33 pm
Posts: 20
someone daa mash ih bayarlalaa, dandaa sonirholtoi nom oruuldagt talarhdag shuu :cheerleader:


Top
   
PostPosted: Feb.07.16 10:00 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Jan.29.09 9:07 pm
Posts: 89
Энэ зохиол дуусан юм болов уу........төгсгөл нтр гэж байдаггүй хүлээгээл байдаг.......


Top
   
PostPosted: Feb.08.16 9:56 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 8.

Сэмюэль Роффын хамгийн анхны дурсамж нь 1855 онд Сэмюэлийг таван настай байхад болсон хядлагын үеэр Сэмюэль Роффын эх нь алагдсан тухай байв. Хүүг Роффын болон бусад гэр бүлийнхний амьдардаг байсан Краковийн еврейн хорооны модон байшингийн зооринд нуужээ. Удтал үргэлжилсэн түйвээн дуусч гудамжинд үл тайтгарах гашуудлын орилоон, уйлаан сонстох үед балчир Сэмюэль хоргодсон газраасаа гаран хорооныхоо гудамжаар эхийгээ хайж эхлэв. Хүүд хорвоо ертөнц галав юүлж, галд автсан мэт санагдав. Тэнгэр час улайран, энд тэндгүй хар утаа цагираглан олгойдоно. Эсэн мэнд үлдсэн эр, эмгүй айдас хүйдсийг умартан ойр дотнын хүмүүсээ хайн бэдэрч, зарим нэг нь орон гэрээ аврахаар тэмцэнэ. Бяцхан Сэмюэлийн эргэн тойронд нь сүйтгэгдэн, энд тэндгүй зэрэмдэглэсэн үхдэлүүд, хэнд ч хэрэггүй болсон эвдэрхий хүүхэлдэй мэт хэвтэх нүцгэн, шалдан, хүчиндүүлсэн эмэгтэйчүүд, аврал эрэн уйлах хүүхдүүд үзэгдэнэ.
Тэрээр эхийгээ оллоо. Эх нь гудамжинд нүүр нь цусанд будагдчихсан, дөнгөн данган амьсгаатай байв. Хүү айсандаа зүрх нь дэлссээр эхийнхээ дэргэд явган суув.
- Ээж ээ!
Эх нь нүдээ нээн, түүнд нэгийг хэлэхийг оролдоход нь Сэмюэль түүнийг үхэж байгааг нь ойлгожээ. Тэрээр эхийгээ аврахыг туйлгүй хүсэвч хэрхэхээ үл мэдэн, дэмий л нэг цусанд будагдсан нүүрийг арчвал эх нь нэгэнтээ уртаар санаа алдаад, амьсгаа хураажээ.
Хэзээ хойно оршуулах албаны ажилчид эхийнх нь цогцсыг болгоомжтой малтаж гаргав. Хэвтсэн газар нь гэр чигээрээ цусанд нэвчсэн байлаа.
Роффынхон гурван давхар давчуу модон байранд найман гэр бүлийн хамт амьдарч байв. Сэмюэль аав, ээж, авга эгч Рахилийн хамт бяцхан өрөөнд хамт амьдарч,хэзээ ч ганцаараа унтаж, хооллож байсангүй. Дэргэд нь үргэлж хэн нэгний дуу гарч байдаг тул Сэмюэль ганцаардана гэдгийг огт мэддэггүй төдийгүй хэзээ ч ганцаардахыг эс хүснэ. Эргэн тойрон амьдрал буцлах нь хэвийн хэрэг байлаа.
Харь шашинтнууд орой бүр Сэмюэлийг төрөл садан, найз нөхдийг нь, бусад бүх еврейчүүдийг хороонд нь яг л үхэр малаа тууж буй аятай хөөж оруулна.
Нар жаргамагц хоёр хавтастай хаалга том цоожоор цоожлогдоно. Хаалгыг үүр цүүрээр том түлхүүрээр онгойлгож еврей худалдаачид Краков руу харь шашинтнуудтай арилжаа хийхээр яваад нар шингэхэд эргэж ирсэн байх ёстой.
Сэмюэлийн эцэг Орос гаралтай агаад хоморголон устгах хядлагаас дайжин Киевээс зугтан Польш оржээ. Тэр Краковт ирээдүйн эхнэртэйгээ учирчээ. Тахигар нуруу, туг тугаараа бууралтсан үс, хатангир царайтай эцэг нь хорооллын хавчиг тахир гудамжаар тэргэнцэр түрэн утас, тавтай зүү, жижиг сав суулга гээд аахар шаахар бараа зарна. Сэмюэль хүү хорооныхоо хөл үймээн, дуу шуугиан ихтэй чулуужсан гудамжаар тэнэж, шинэхэн талхны үнэр, наранд борцлогдох загас, бяслаг, боловсорч гүйцсэн жимс, модны үртэс, элдэж буй арьсны холилдсон үнэрийг дуртайяа үнэртэнэ.
Тэр гудамжны худалдаачны бараагаа таниулан уянгалуулан дуулахыг, гэрийн эздийн огцом хашгирах баргил хоолой, араас нь урсгах хараалыг сонсох дуртайсан.
Сэмюэлийг арван хоёр нас хүрэхэд эцэг нь анх удаа Краков руу дагуулан явжээ. Хориотой хаалгаар гарч харь шашинтны хотыг нүдээр үзнэ хэмээн сэтгэлдээ ургуулан бодвоос зүрх нь догдолно.
Өглөөний зургаан цагийн бүрэнхийд Сэмюэль цайны ганц хүрмээ өмсөн, асар том цоожтой хаалганы өмнө эцэгтэйгээ, болхи хийцтэй тэргэнцэр, цойцон тэрэг түрсэн, ачаа үүрэн намуухан дүнгэлдэн хөөрөлдөх хэсэг эрчүүдийн хамт зогсоно. Чийг даан хүйт оргих тул Сэмюэль ноосон пальто давхарлан дулаалжээ.
Хорио тавигдахыг чилтэл хүлээх нь эцэс төгсгөлгүй мэт санагдаж байснаа дорно зүгээс нарны хурц шар ирмэг дөнгөж цухуймагц хурсан олон баярлан догдолцгоож, хэдхэн агшны дараа хаалганы нүсэр хавтас алгуур нээгдэн, хот руу гудамжны наймаачид ажилсаг шоргоолжны цуваа мэт цувран урсана.
Тэд сүрдэм сайхан хотод ойртох тусам Сэмюэлийн зүрх бүр ч галзуутай цохилов. Тэртээ алсад Висла мөрөн дээгүүр хүчит давлагаа оволзох үзэгдэв. Сэмюэль аль байдгаараа эцэгтээ наалдана. Тэр еврей нарын хороонд нь шөнө болгон адгуус мал мэт туун цоожилдог өнөө аймшигтай харийн шашинтнууд энд тэндгүй хөлхөх Краковт иржээ. Хүү дэргэдүүр өнгөрөх тэднийг хулгай нүдээр хяламхийн хараад өөрсдөөс нь ямар их өөр болохыг хачирхана. Тэд нар пейсгүй, мөн тэдний хэн нь ч цувцаа өмсгөл үгүй, эрчүүд нь бүгд сахлаа хуссан байх ажээ. Сэмюэль эцгийнхээ хамт хотын дундуур цэмбэний үйлдвэрийн барилга, хоёр цамхагтай Гэгээн Мариягийн сүмийн дэргэдүүр гаран захыг чиглэн явлаа. Ийм тансаг сайхныг Сэмюэль урьд өмнө огт үзэж байсангүй. Нүд хужирлан харах шинэ ертөнц нь тэр чигээрээ ер бусын гайхамшгаар дүүрэн. Орон зайг мэдэрмэгц яагаад ч юм бэ хүүгийн амьсгаа давчдаад ирэв. Тэндхийн байшингууд нь еврейчүүдийн хорооныхтой адил нэг нэгтэйгээ наалдан шавааралдаагүй тус тусдаа, ихэнх нь эргэн тойрондоо бага шиг цэцэрлэгтэй. Эл бүхнийг анзаарсан Сэмюэль Краковынхон бүгд саятнууд болох нь илэрхий хэмээн бодов. Сэмюэль эцгийнхээ хамт худалдаачдраар тойрон хэсэж бараа таваар худалдан авч тэргэнцэртээ хийсээр явлаа. Тэргэнцрээ дүүргэж аваад тэд хорооныхоо зүг эргэв.
- Энд жаахан байя гэж Сэмюэлийг гуйхад эцэг нь,
- Үгүй дээ, хүү минь. Бид харилгүй болохгүй гэж хариулав.
Сэмюэльд харих хүсэл байсангүй. Тэрээр амьдралдаа анх удаа еврейчүүдийн хорооноос гарч, зүрх нь булгилан толгой нь эргэтлээ баярлан сэтгэл нь хөөрч яваа нь энэ. Хүмүүс ингэж чөлөөтэй, хаа дуртай хандсан зүгтээ явж чаддаг. . . Ингэхэд тэр яагаад энэ газар биш, харин тэртээд хориотой хаалганы цаана төрчхөө вэ? Гэвч минутын дараа хүү өөрийн урван тэрсэлсэн тэрслүү бодлоосоо ичлээ.
Сэмюэль тэр шөнөдөө Краковын тухай, цэцэг цэцэрлэгээр чимсэн гоё сайхан байшингуудын тухай бодсоор удтал унтаж чадсангүй. Эрх чөлөөтэй болох арга хайх хэрэгтэй байлаа. Энэ тухайгаа өөрийг нь ойлгох хэн нэгэнтэй ярилцмаар санагдавч, танилуудынх нь дотор тийм хүн байсангүй ээ.
Элизабет Номоо хаагаад нүдээ анин, Сэмюэлийн сэтгэлийн хөөрөл, урам хугаран ганцаардаж байсныг нь тов тодорхой дүрслэн бодлоо. Тэр даруй түүнд Сэмюэль тэр хоёр хэлхээ холбоо бүхий бие биесийнхээ өчүүхэн хэсэг болохыг мэдэрчээ. Түүний биеэр Сэмюэлийн цус гүйж яваа. Охины сэтгэл хөөрөн баярласандаа толгой нь эргэв.
Элизабет модот гудамжаар машины дугуйн шар шур хийх чимээ гаран эцэг нь эргэн ирэхийг сонсоод, Номоо шалавхан байранд нь буцаан тавив. Охин сэрүүн лавранд байх хугацаандаа уншиж амжаагүй ч гэлээ Нью-Йоркод эргэж ирэхэд сайтар нуусан Ном түүний чемоданы ёроолд нь байжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.08.16 9:58 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 9.

Сардинийн нарлаг дулаахан өдрүүдийн дараа Нью-Йоркийн өвөл хүйт даан жавар сүнгэнэх нь яг л Сибирийг санагдуулна. Гудамж цасанд дарагдан шавар шавхай татуулан, Ист-Риврээс хүйтэн салхи нэвт үлээвч Элизабет энэ бүхнийг эс анзаарна. Охин өөр зуунд, Польшид хуланц эцгийн хамт, адал явдлын дунд амьдарч байлаа. Элизабет сургуулиас эргэж ирэнгүүт өрөөндөө орж, дотроос нь түгжиж аваад Номоо гаргаж ирнэ. Тэр уншсан зүйлийнхээ тухай эцгээсээ лавлахыг хүссэн боловч эцэг нь Номыг нь хураан авчих бий гэхээс ихэд эмээдэг байлаа.
Гайхамшигтай, санамсаргүй янзаар Сэмюэль өвгөн хэцүү цаг мөчид охиныг дэмжин, эр зоригийг нь хурцална. Элизабетад тэдний хувь заяа тун адилхан мэт санагджээ. Тэр яг л охины адил санаа бодлоо хуваалцах хүн үгүй ганцаардаж байжээ. Тоолбол нас чацуу байсан тэднийг бүтэн зуун жил зааглавч охин өөрийгөө тэдэнтэй адилд тооцно.
Сэмюэль эмч болохыг хүсч байлаа. Еврейчүүдийн хороонд шавааралдан амьдрах мянгаад хүмүүсийг өвчин тахлын аюулаас эмчлэх эрхийг зөвхөн гурван эмчид зөвшөөрсний дотроос Зено Уал эмч толгой цохино. Тэдний гэр борчуудын хорооллын ядуу хөршүүдийнхээ дэргэд нүд хужирлам шилтгээн аятай сүндэрлэнэ. Байшин нь гурван давхар, цонхонд нь татсан цардсан сүлжмэл цагаан хөшигний завсраар өрөөн дэх зүлгэж өнгөлсөн мебель тавилга гялалзан нэвт харагдана. Эмч гэртээ өвчтөнд зөвлөгөө өгөн, өвчин хуучийг эмчлэн эдгэрүүлж байгааг нь өөрөөр хэлбэл хүүгийн зөвхөн мөрөөдөж чадах тэр бүхнийг хийж байгааг нь Сэмюэль төсөөлөн бодох дуртай. Хэрэвзээ доктор Уал түүнийг анзаарвал мань эр эргэлзэх зүйлгүй түүнийг эмч болоход нь тусална хэмээн гэнэн бодолд автдаг байв. Гэвч Уал эмчид тоогдоно гэдэг Сэмюэлийн хувьд хориотой хананы цаана Краковт амьдардаг харь шашинтнуудын нэг адил хувь хүрэхгүй хэрэг ажээ.
Сэмюэль заримдаа Зено Уалтай гудамжинд тааралдахад эмч нөхөдтэйгөө яриа дэлгэн дэргэдүүр нь ажиг ч үгүй өнгөрнө. Нэгэн удаа Сэмюэль Уалын гэрийн хажуугаар гарч явтал эмч охиныхоо хамт гэрээсээ гарч иржээ. Охин нь Сэмюэльтэй үе тэнгийн, урд нь түүний огт үзээгүй царайлаг нэгэн бүсгүй байх ажээ. Сэмюэль түүнийг хармагц бүсгүй түүний эхнэр нь болно гэдгийг мэдэрчээ. Тэрээр үнэндээ энэ гайхамшиг нь хэрхэн биелэхийг мэдэхгүй байсан ч, энэ нь заавал ч үгүй болж бүтэх ёстой гэдэгт итгэлтэй байв.
Ингээд мань эр бүсгүйг хальт ч гэсэн харах гэхдээ ямар нэг аян шалтаг гарган өдөр болгон тэднийх рүү очих болов.
Нэг удаа тэдний хажуугаар явж байтал дээд давхраас төгөлдөр хуур хөгжим эгшиглэх сонстоход бүсгүйн тоглож буйг нь мэджээ. Залуу эр бүсгүйг хармаар санагдаад явчхав. Залуу ийш тийшээ харвал хавь ойр түүнийг анзаарсан хүн байсангүйд тэрээр байшинд дөхөж очлоо. Хөгжим яг дээр нь хангинасаар. Сэмюэль арагш ухран, ханыг анзааран ажвал зүүгдэн авирчихмаар барьц үзэгдэхэд нь тэр даруй авирч эхлэв. Хоёр давхар нь түүний бодсоноос хавьгүй өндөр, цонхонд хүрээгүй атлаа тэрээр газраас арван футийн өндөрт авирчихаад байлаа. Доош харвал толгой нь эргэв. Одоо хөгжим бүр ч чанга сонстон бүсгүй өөрт нь зориулан тоглож буй мэт санагдав. Тэрээр урагш илүү гарсан хананы ирмэгээс барин цонх тийш дөхлөө. Нүдний нь өмнө тавилга бүхий зочны өрөөнд алтан эмжээртэй цасан цагаан өнгийн төгөлдөр хуурын ард бүсгүй суучихсан, түүний архан талд нь Уал эмч буйдан сандалд суугаад нам уншиж байв. Гэвч Сэмюэль түүнийг харсангүй, өөрөөс нь хэдхэн алхмын цаана суух үзэсгэлэнтэй бүсгүйг ширтэнэ. Мань хүн түүнийг ямар их хайрлана...вэ! Тэр заавал ч үгүй ямар нэг гялайлгасан баатарлаг үйлс бүтээхэд бүсгүй түүнд дурлана вий! Тэр. . . Сэмюэль мөрөөдөлдөө шимтээд хөл алдсанаа анзаарсангүй. Тэрээр зөвхөн газардахын өмнө дуу тавин хашгирч, цонхон дээр түүнийг ширтэх айсан хоёр царай үзэгдэхийг харж амжлаа.
Залуу эр багаж хэрэгслээр дүүрэн шүүгээ бүхий Уал эмчийн өрөөнд мэс заслын ширээн дээр сэргэлээ. Уал муухай үнэртэй хөвөн хамарт нь барьсан байв. Сэмюэль ханиалгаад өндийн суулаа.
- Энэ нь дээр дээ. Чиний гавлыг чинь задалж үзэх хэрэгтэй дэг ээ, гэхдээ чамд уураг тархи бий гэдэгт эргэлзэж байна шүү. Олиггүй амьтан чи хулгай хийх гээ юу?
- Хулгай хийх ий? Үгүй дээ хэмээн Сэмюэль эгдүүцэн хэлэв.
- Чамайг хэн гэдэг вэ?
- Сэмюэль Рофф.
Эмчийн хуруу Сэмюэлийн баруун гарын бугуйг нь тэмтэрч эхлэв. Залуу өвдсөндөө хашгирч гараа угз татан авав.
- Хмм. Бугуй чинь хугарч дээ, Сэмюэль Рофф оо. Цагдаа нар гарыг чинь эмчлээд өгч болох юм шүү.
Цагдаа нар гэрт нь хүргэж өгвөл юу болохыг төсөөлөөд Сэмюэль гуниглан ёолов. Мэдээж Рахиль эгчийг нь зүрхний дайрлага дайрч, харин эцэг нь түүнийг амьтай голтой үлдээх болов уу даа. Гэхдээ хамгийн гол нь тэрээр Уал эмчийн охиныг эхнэрээ болгохыг ятгах найдвар нь бүрмөсөн алдарчээ. Тэрээр одоо гэмт хэрэгтэн гэсэн ял яндартай болчихлоо. Эмч түүний гарыг гэнэт хүчтэй угзрахад цочин давхийлээ. Өвдсөндөө ухаан балартаж, хэдэн агшин нүд нь харанхуйлав. Сэхээ ормогцоо тэр эмчийг гайхан харлаа.
- За боллоо. Чиний тулгарсан бугалгыг чинь оруулчихлаа гэж эмч өгүүлээд, - Сэмюэль Рофф, чи манайхаас холгүй амьдардаг уу? гэв.
- Үгүй ээ, эмч ээ.
- Хачин юм даа, би чамтай гэрийнхээ ойр хавьд олон удаа тааралдсан юм байна.
- Тийм ээ, эмч ээ,
- Яагаад тэр билээ?
Яагаад тэр вэ? Хэрэв тэр Уал эмчид үнэнээ хэлчихвэл мань эр түүнийг басамжлан шоолох биз.
- Эмч болох гэсэн юм хэмээн Сэмюэль Гэнэт өөрийн мэдэлгүй дуржигнуулав.
Уал түүнийг сэжигтэй гэгч нь харна.
- Тийм болоод чи манайх руу хулгайч шиг авирч орж ирж байгаа хэрэг үү?
Ингээд Сэмюэль түүнд бүгдийг дэс дараагаар нь ярьж эхлэв. Ээжийнхээ тухай, эх нь түүний нүдэн дээр нас барсан тухай, эцгийнхээ тухай, Краковт анх хөл тавьснаа, еврейчүүдийн хороонд мал шиг хашигдан цоожлоход дургүй хүрдэг талаар цөмийг нь ярилаа. Тэр ч бүү хэл охинд нь найдвар тавьж буй тухайгаа ч хэлжээ. Тэр ярьсаар, эмч таг дуугүй чагнан суусаар. Эцэст нь Сэмюэль,
- Би... би өөрийн тэнэг явдалдаа их харамсаж байна гэж шивнэв.
Уал эмч түүнийг харан хэсэг зуур дуугүй сууснаа,
- Би ч гэсэн их харамсаж байна. Гэхдээ өнөөдрийн болсон явдалд биш л дээ. Би бидний амьдралын төлөө, бидний бүгдийнх нь төлөө өөрийнхөө төлөө, таны төлөө харамсаж байна. Аливаа хүн бусдын эрхэнд эрх чөлөөгүй байна гэдэг аймшигтай хэрэг гэв.
Сэм түүнийг тээнэгэлзэн байж,
- Би зөв ойлгосон уу, та юун тухай ярина вэ, эмч ээ гэв.
Эмч санаа алдаад,
- Хэзээ нэг цагт ойлгоноо гэснээ босч, ширээ рүү явж очин гаансаа авч тамхи дүүргэн чихэж эхлэв.
- Сэмюэль Рофф оо, чи өнөөдөр азгүй байна шүү гээд чүдэнз зуран тамхиа асаачхаад чүдэнзээ үлээж унтраагаад залуу руу эргэн, - Золтой л бугуйгаа хугалчихсангүй. Энэ ч яахав, эдгэнээ. Харин одоо би чамд тийм ч амар эдгэхгүй нэг зүйлийг хэлье.
Сэмюэль нүдээ том болгон эмчийг зогсолтгүй ширтэв. Эмч түүнд бүр ойртон очоод намуухан дуугаар,
- Хүн болгон мөрөөдөлтэй. Чамд бол хоёр мөрөөдөл байна. Харин тэднийг чинь нураах хэрэг гарах бий гэж айх юм.
- Би ойлго. . .
- Намайг анхааралтай сонсож бай, Сэмюэль ээ. Чи энд хэзээ ч эмч болж чадахгүй. Биднээс зөвхөн гуравт нь еврейн хороонд ажиллахыг зөвшөөрсөн. Хэдэн арван чадварлаг эмч бид гурвын байр суурийг эзлэх гэхдээ хэн нэг нь чөлөөндөө гарах эсвэл үхэхийг нь хүлээн суугаа. Тэгэхээр чамд ямар ч боломж байхгүй. Ямар ч шүү. Чи муу цаг, муу газар төржээ. Намайг ойлгож байна уу, хүү минь?
Сэмюэль гүдхийтэл шүлсээ залгиад,
- Ойлгож байна, эмч ээ гэв.
Эмч хэсэг чимээгүй болсноо, үргэлжлүүлэн,
- Одоо чиний хоёр дахь мөрөөдлийн тухай ярья..Тэр ч гэсэн бүтэхгүй гэж бодож байна. Чамд Теренитэй гэрлэх хувь байхгүй гэхэд нь,
- Яагаад? гэж Сэм асуув.
Уал түүний нүдийг эгцлэн ширтээд,
- Яагаад ий? Мэдэж цөхөх юмгүй, чиний эмч болж чадахгүй гэсэн тэр л учир шалтгаанаар. Бид бичигдээгүй хууль ёс жаягаар амьдарч байна. Миний охин ямар орчинд өсөж хүмүүжсэн тийм орчинд байлгах өөрийн хүрээний хүнтэй гэрлэнэ. Тэр мэдлэг боловсролтой хуульч, эмч, шашны нийгэмлэгийн хүнтэй гэрлэнэ. Чи түүний тухай бодлоо толгойноосоо авч хаях болж дээ.
- Гэвч.
Эмч түүнийг үүд рүү аяархан түлхээд,
- Залуу минь өвчтэй гараа болгоомжтой байгаарай, боолтоо бохирдуулавзай хэмээв.
- За эмч ээ, баярлалаа гэж Сэмюэль хариулав.
Уал эмч өмнөө зогсох залуугийн ухаантай царайг хараад, - Баяртай, Сэмюэль Рофф гэв.
Маргааш өдрийн үд дундад Сэмюэль Уалын үүдний хонхыг даран зогсож байлаа. Түүний хүрч ирэхийг нь өрөөнөөсөө харан сууж байсан Уал эмч түүнийг оруулах алба үгүй гэдгээ мэднэ.
- Түүнийг оруулчих гэж мань эр хаалгачид хэлэв.
Ингээд Сэмюэль Уалын гэрт долоо хоногт ганц хоёр удаа үзэгдэх биш, харин гурав дөрвөн удаа ирдэг болжээ. Түүнийг эмчийн өгөх аахар шаахар даалгаврыг гүйцэтгэснийх нь хариуд тэрээр өвчтөнг хэрхэн эмчилж, лабораторидоо эм бэлтгэж байхыг нь ажиглахыг залууд зөвшөөрчээ.
Төрөлхийн авьяаслаг залуу ажиглан суралцаж, тогтоож авсаар байв. Уал эмч түүнийг эндүүрсэндээ гэмших сэтгэлээр түүнийг анхааралтай ажаад сайшаах авч еврейн хороонд байсан цагт тэр хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүйг мэдсэн ч түүнийг 'хөөгөөд явуулчих зүрх хүрсэнгүй.
Сэмюэлийг эмчийнд байх тэр өдрүүдэд санамсаргүй ч юм уу, эсвэл зориуд ч юм уу Терени үе үе үзэгдэх ажээ. Залуу эр бүсгүйг лабораторийн дэргэдүүр өнгөрч явахад нь эсвэл гэрээсээ гарч явахад нь тааралдаж, тэр ч бүү хэл нэг удаа гал зуухны өрөөнд хоёулхнаа улаан нүүрээрээ учрахад залуугийн зүрх хүчтэй оволзон, галзуутай цохилоод золтой л муужирч унасангүй. Бүсгүй удаан гэгч сонжсон харцаар түүнийг ширтсэнээ эелдгээр толгой дохиод яваад өгчээ. Бүсгүй өөрийг нь анзаарсан шүү! Эхний алхмаа хийчихлээ! Үлдсэнийг нь цаг хугацаа гүйцээнэ гэдэгт Сэмюэль огт эргэлзсэнгүй. Дээд тэнгэрээс ийнхүү таалсан ажгуу. Тэрээр ирээдүйгээ Теренигүй төсөөлж даанч нэг боломгүй. Урьд нь зөвхөн ганц биеийнхээ тухай мөрөөддөг байсан бол одоо тэрээр өөрийнхөө болон бүсгүй төлөө мөрөөдөх болжээ. Тэр хоёр биенээ хөл гишгэх зайгүй хүн пиг дүүрсэн өмхий самхай Ханхлуулсан еврейчүүдийн хорооноос чирч гаргана даа. Тэр амьдралдаа ихийг бүтээж, энэ амжилтыг нь бүсгүй хуваалцана.
Энэ бүхэн ямар ч боломжгүй байсан ч гэсэн.
Элизабет Сэмюэлийн тухай Номыг дэрлээд унтчихжээ. Охин өглөө нь сэрэнгүүтээ Номоо сайтар нуугаад хичээлдээ явахаар хувцаслалаа. Сэмюэлийн тухай бодол толгойноос нь салсангүй. Тэр яаж шүү Теренитэй гэрлээ бол оо? Хорооноос яаж дайжиж чадаа бол оо? Хэрхэн алдар цууд хүрээ бол оо?
Элизабет Номтой хамт амьдарч, өнгөрсөн зуунд эргэн ирэх бүрдээ эгдүүцнэ.
Элизабетын зайлшгүй үзэх ёстой мөртлөө хамгийн их үзэн яддаг хичээл нь бүжгийн хичээл байв. Охин бүжгийн ягаан өнгийн өмсгөлөө өмсөн гоолиг биетэй хэмээн өөрийгөө итгүүлэхээр толь рүү гүйн очлоо. Гэвч толинд лаглагар бүдүүн охин харагдана. Өмсгөл нь яг л тарган үнээнд эмээл тохсон мэт зохимжгүй үзэгдэх бөлгөө!
Бүжгийн багш хатагтай Неттурова нь нэг удаа хэлэхдээ хоёр долоо хоногийн дараа концертын танхимд жил бүр болдог үзүүлэх хичээл болж, сурагчид эцэг эхээ урих ёстойг дуулгалаа. Олны өмнө тоглоно гэсэн нэгэн бодол Элизабетыг ихэд сандаргажээ. Охин түүнийг тэсвэрлэхгүй. . .
Урагш хурдлах машины өмнүүр бяцхан охин гудамж хөндлөн гүйлээ. Үүнийг харсан Элизабет түүнийг үхлийн савраас угз татан аварлаа. Ноёд, хатагтай тун тоогүй явдал болж Элизабет Роффын хуруун дээгүүр машины дугуй гарч, охин өнөөдөр та бүхний өмнө тоглож чадахгүй...
Салан үйлчлэгч дээд давхрын шатан дээр савангаа мартаж, Элизабет түүн дээр нь гишгэн халтирч, шатнаас уналаа. Түүний чөмөгний яс нь хугарчээ. “Айх юм алга, гурван долоо хоногийн дараа гэхэд хөл дээрээ гүйнээ, давгүй...” гэж эмч хэлнэ...
... Ээ дээ, яасан таатай мөрөөдлүүд вэ дээ! Үзүүлэх хичээлтэй өдөр Элизабет цоо эрүүл байсан хэдий ч сэтгэл санааны хувьд цөхөрч гүйцээд байв. Өвөг эцэг Сэмюэль түүнд Дахиад тусаллаа. Охин түүнийг Уал эмчид очсон анхныхаа “айлчлал”-ын үед ямар гээчийг айдас хүйдсийг тэсвэрлэсэн, энэ айдсаа хэрхэн даван туулж дахин тэднийд очсонсон билээ. Тэр Сэмюэлийн чинээнд хүрэхгүй ч гэхнээ өөрт учирсан хүндхэн сорилтыг нэр төртэйхэн биелүүлэх болно.
Элизабет үзүүлэх хичээлийн талаар аавдаа огт дурссангүй. Урьд нь эцэг эх нь зайлшгүй оролцох ёстой үдэшлэг уулзалтанд түүнийг урьдаг авч, эцэг нь үргэлж зав чөлөөгүй байдаг ажээ.
Элизабет сургуулийн концертод орохоор явах тэр үдэш санамсаргүй байтал эз нь татсан юм шиг арав шахам хоног эзгүй Зайсан эцэг нь гэнэт эргээд ирлээ.
Эцэг нь нь өрөөнийх нь дэргэдүүр явж өнгөрөхдөө түүнийг хараад,
- Оройн мэнд, Элизабет аа гэснээ,
- Чи хөөрхөн болж шүү гэв.
Охины царай час улайж, цүндгэр харвингаа чангалан гэдсээ татлаа.
- Тийм ээ, аав аа.
Эцэг нь ямар нэгийг хэлэх гэснээ болин бодлоо өөрчлөв бололтой.
- Сургуулиар сонин юутай вэ?
- Баярлалаа,бүгд хэвийн.
- Болж бүтэхгүй юм байна уу?
- Байхгүй, аав аа.
- Сайн байна.
Ийм яриа тэдний хооронд мянгантаа болж өнгөрсөн төдийгүй юуг ч эс илтгэх энэхүү үг солилцох ёслол нь тэдний харилцааны цорын ганц хэлбэр нь байв. Сургуулиар- сонин- юутай- вэ? -Баярлалаа, -бүгд -хэвийн. -Болж -бүтэхгүй -юм -байна -уу? - Байхгүй -аав аа. -Сайн -байна. Тэд цаг агаарыг тухай ярилцах, бие биенээ үл сонсох, нөгөөгийнхөө бодлыг эс тоогч үл таних хоёр хүн мэт харьцах ажгуу. “За даа, бидэнд нэг сонин юм бий дээ” гэж Элизабет бодно.
Гэвч Сэм Рофф энэ удаад дэргэдүүр нь явж өнгөрсөнгүй, босгон дээр зогсож түүнийг санаашран харлаа. Асуудлыг бодитойгоор шийдэж сурсан эцэг нь хэн нэгэн хов хүргэж буйг нь мэдвэл тэр хүн тусыг олохгүй өнгөрдөг жамтай. Хэрэвзээ үнэнийг хэлчих цөс ихтэй хүн гарч ирвэл,
- Дэмий үг бүү ярь. Элизабетад ямар ч дутагдал байхгүй хэмээн амыг нь таглана.
Элизабет эцгийгээ явахаар цааш эргэхэд нь,
- Өнөөдөр манайх бүжгийн үзүүлэх хичээлтэй. Гэхдээ танд, мэдээж сонирхолгүй байгаа биз дээ? гэх үгс гэнэт амнаас нь алдууран уналаа.'
Охин амаа ч барьж амжилгүй хэлсэн үгнээсээ өөрөө ч гэсэн эмээжээ. Элизабет болхи бамбарууш шиг бүжиглэхийг эцэг нь үзэхийг хүслээ гэж үү? Үзүүлэх хичээлийн тухай яах гэж түүнд дурсав аа? Гэхдээ охин яагаад гэдгийг мэднэ. Яагаад гэвэл тэрээр ангиасаа эцэг эх нь концертонд ирдэггүй цорын ганц хүүхэд билээ. “За дүүрсэн хэрэг, тэртээ тэргүй аав очихоос татгалзаж л таараа” хэмээн Элизабет бодов. Ардаас нь хэлэх эцгийнхээ үгийг сонсоод чихэндээ итгэсэнгүй.
- Яагаад сонирхолгүй байх гэж? Харин ч тун сонирхолтой байна.
Заал тэр аяараа эцэг эх, ангийн сурагчдынх нь нөхөд, үзүүлэх концертонд оролцох сурагчдаар пиг дүүрчээ. Бүжиг тайзны хоёр талаар байрлуулсан төгөлдөр хуур хөгжмийн аялгуу дор болов. Хатагтай Неттурова танхим дахь хүмүүсийн анхаарлыг татах гэж урагш түрэн гарч, бүжигч хүүхдүүдэд хөгжмийн хэмнэлийг чангаар тоолно.
Үзэгчдийн зарим нэг нь гайхамшигтай авьяастнуудын гунхалзан бүжихийг нь гайхан шагшиж байхад, зарим нь ур чадлаас нь илүү тэдний урмыг нь үнэлж сууна. Хөтөлбөрт “Коппеми”, “Үнсгэлжин”, зайлшгүй байх ёстой “Хунт нуур” гэсэн бүжгийн гурван номер оржээ. Хамгийн “үзүүштэй” нь концертонд оролцогч сурагч болгоны гоцлол тоглолтыг бодож олсон явдал байлаа. Муу совин татсан Элизабет тайзны ард амьтай голтой амьтан сандчин зогсоно. Охин торгон хөшигний цаанаас заал тийш харах тоолонд хоёрдугаар эгнээнд суух эцэг нь харагдана, түүнийг нааш нь урих ухаан орж ирсэнд өөрийгөө хараан зүхлээ. Тэр одоохондоо бүжиглэж буй хүүхдүүдийн ард хударгад нь далдлагдаж байгаа ч гэсэн түүний гоцлол тоглолт зайлшгүй болж л таараа. Бүжгийн өмсгөл нь түүний махлаг бүдүүн биеийг нь улам ч тод мэдэгдүүлж яг л циркийн алиалагч шиг харагдаж байгаа гэдэгт охин огт эргэлзсэнгүй. Түүнийг тайзан дээр гармагц бүгд шоолон инээлдэнэ дээ, гэтэл энэ гутамшигтай явдалд эцгийгээ урьж байдаг ёстой нэг дүүрчихсэн мангуу амьтан! Гоцлол тоглолт нь ердөө л жаран секунд үргэлжилнэ гэсэн бодол түүнийг тайтгаруулна. Неттурова хатагтай овоо ухаантай аж. Уул нь бүх юм нүд ирмэхийн зуур болж дуусах ёстойсон. Түүний тоглолтыг болж дуустал эцгийнх нь анхаарлыг ганцхан минут сатааруулчих арга байдаггүй л юм байх даа.
Элизабет бусад охидын бүжихийг сэтгэл татагдан харж байв. Маркова, Максима, Фонтейн гурав бүжиглэж байлаа. Нүцгэн мөрөн дээр нь гэнэт хүйтэн гараар дарахад охин золтой л дуу алдчихсангүй, чихэнд нь хатагтай Неттуровагийн,
- Элизабет яваарай, одоо чиний ээлж гэх сонстов.
Элизабет: “За хатагтай” хэмээн хэлэх гэтэл айсандаа үг нь хоолойд нь гацчихлаа. Хоёр төгөлдөр хуурт түүний гоцлон бүжиглэх ая хангинаж эхэллээ. Охин хөдлөх ч үгүй зогссоор. Хатагтай Неттурова чихэнд нь,
- Урагшаа, яваач! гэж чихэнд исгэчүүлэн шивнэв.
Ар нуруу руу нь түлхэхэд тэрээр тайзны гол хүртэл нисэх шахам гарч ирэхэд хүмүүс нирхийтэл инээлдэн, олны доог болох нь тэр. Охин эцгийнхээ суугаа зүг рүү харж зүрхэлсэнгүй. Энэ бүхэн түргэн дуусаасай гэж хүсч байв. Охин хэд хэдэн хүндэвтэр харайлт, үйлдэл хийх ёстой. Хөгжмийн аяыг даган тоглолтоо уян налархай, гунхалзан цовоо бүжихийг чармайлаа. Бүжиж дуусахад заалны энд тэндээс өхөөрдөн элэгсгээр инээх сонсогдов. Элизабет эцгийнхээ зүг рүү харвал эцэг нь түүнийг бахдан инээмсэглэж алга ташин, түүнд зориулан алга ташиж байхыг хараад охины дотор нэгэн бахим хүлээс тас үсрэх шиг болов. Хөгжим хэдийн зогсчээ. Гэвч Элизабет бүжсээр, аз жаргалдаа умбан тэс ондоо болчхов. Тайзны цаанаас омог уур нь шатсан хатагтай Неттурова цухуйн Элизабетыг тайзнаас нэн даруй буу хэмээн дохих үзэгдэв. Гэвч Элизабет амьдын жаргалаа амсан түүнийг анхаарах ч сөгөө байсангүй. Охин зөвхөн эцэгтээ зориулан бүжиглэнэ.
- Ноён Рофф оо, сургууль ийм дуулгаваргүй явдлыг тэвчиж чаддаггүй гэдгийг таныг ойлгоно гэж найдаж байна гэж хатагтай Неттуровагийн уурлан хоолой нь чичгэнэн дуугарч,
- Таны охин хамаг ёс журмыг эс тоомсорлон од болохоор шийдсэн бололтой гэв.
Элизабет өөрийг нь сонжин ширтэх эцгийнхээ харцыг мэдрэвч түүн рүү харж зүрхэлсэнгүй. Охин уучилшгүй гэм хийснээ сайн мэдэх авч биеэ барьж чадаагүй аж. Тайзан дээр эцгийнхээ бахдах сэтгэлийг төрүүлэн, өөрийг нь анхааран, бахархуулах, түүнд хайрлуулах ямар нэг юм хийх гэсэн тэсгэлгүй хүсэл түүнийг захирч байжээ.
Тэрээр эцгийнхээ,
- Би тантай санал нэг байна, хатагтай Неттурова. Би Элизабетыг хатуухан шийтгэхийг хичээнэ гэхийг нь сонсов.
Хатагтай Неттурова Элизабет тийш ялсан баатрын харцаар харан, - Танд баярлалаа, ноён Рофф. Би үүнийг бүрэн зөвшөөрч байна гэв.
Элизабет эцгийнхээ хамт сургуулийн өмнө гудамжинд зогсоно. Тэд хатагтай Неттуровагийн өрөөнөөс гарснаас хойш эцэг нь ганц үг дуугарсангүй. Элизабет өөрийгөө өмөөрөх үг бодож олох гэсэн ч гэлээ өөрийгөө хэрхэн зөвтгөж чадах вэ? Охин энэ бүхнийг яах гэж хийснээ эцэгтээ хэрхэн ойлгуулах вэ? Тэр хар элгийн хүн биш ч охин түүнээс эмээх ажээ. Охин хэн нэг нь уучилшгүй алдаа хийхэд эсвэл хэн нэг нь түүний үгнээс зөрж зүрхлэхэд нь эцгийгээ хэрхэн аймшигтайгаар уурлаж байсныг нь нэг бус удаа харсан юмсанж. Ингээд охин эцэг нь одоо түүнд уурлахыг нь хүлээн байлаа.
Эцэг нь түүнд хандаж,
- Элизабет аа, хоёулаа Румпельмаер орж шоколадтай ундаа уувал яасан юм бэ? гэх нь тэр.
Элизабет тэсгэлгүй уйлчихлаа.
Тэр шөнөдөө охин цурам хийлгүй хонолоо. Охин эцэгтэйгээ өнгөрөөсөн тэр үдшийн дүр зураглал бүхнийг ой тойндоо бахдан бодно. Аз жаргал гэгч давлагаа түүнийг нөмрөн авчээ! Энэ бүхэн арай зүүд биш байгаа! Үгүй ээ, бүх юм түүнийг сэрүүн байхад болсон! Тэр эргэн тойрон зэрлэг догшин баавгай, заан, арслан тахь эргэлдсэн Румпельмаерт эцэгтэйгээ зэрэгцэн сууж байснаа бодно. Элизабет бүтэн хайрцаг гадилын шүүс захиалан авчруулахад эцэг нь зэмлэсэнгүй. Тэдний дунд ч сонирхолтой, нөгөө л нэг хэвийн -сургуулиар -сонин -юутай -вэ? -баярлалаа -бүгд -хэвийн -болж -бүтэхгүй -юм -байна -уу? -байхгүй, -аав аа. -сайн -байна гэх биш. Үнэхээрийн сонирхол татам яриа өрнөлөө. Эцэг нь түүнд Токио руу явсан тухайгаа ярьж, хүндэт зочны ёсоор түүнийг шоколадтай дэвхрэг, шоргоолжоор дайлж, нэр нүүрээ хөөдөхгүйн тулд зоогийг нь идсэнээ хуучлав.
Элизабет үлдэгдэл зайрмагаа долоон байтал эцэг нь гэнэт,
- Лиз аа, чи яагаад энэ бүхнийг хийх болов оо? хэмээн асуув.
Ингээд эцэг нь түүнийг загнаж зэмлэж эхлээд энэ үдшийн баяр цэнгэл нь хумхийн тоос мэт замхарч гүйцэх болох нь.
- Би бүгдээс илүү байх гэсэн юм гэж хэлсэн боловч: “Зөвхөн таны төлөө” гэдгээ хэлж түвдсэнгүй.
Эцэг нь түүнийг их л удаан харан суух мэт охинд санагдан байтал, тэрээр гэнэт инээд алдаад,
- Ямар ч гэсэн чи тэднийг бажгадуулж дөнгөсөн шүү гэх түүний дуу хоолойд бахдах өнгө илт сонсогдов.
Элизабет нүүр рүү нь халуу оргиод ирэхийг мэдэрч,
- Та надад уурлахгүй байна уу? гэж асуув.
Охин эцгийнхээ харцнаас урьд хожид үзэгдээгүй тийм нэгэн мэдрэмжийг олж харлаа.
- Яасан гэж тэр билээ, бусдаас илүү байх гэлээ гэж үү? Энэ чинь бидний, Роффынхны цусанд шингэсэн ч байдаг юм биш билүү?
Эцэг нь түүний гарыг зөөлнөөр атгажээ.
Охин нойронд автан унтахдаа: “Аав надад хайртай. Чин сэтгэлээсээ хайртай. Одооноос эхлээд бид үргэлж хамт байна. Тэр ийш тийш явахдаа намайг авч явах болно. Бид их юм ярилцаж, жинхэнэ найз нөхөд болно” гэж бодлоо.
Маргааш үд дундад эцгийнх нь нарийн бичгийн дарга түүнийг Швейцарт хаалттай сургуульд суралцах болсныг дуулгажээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.08.16 10:00 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 10.

Элизабетыг Невшатель нуурын эрэг дээр Сен-Блез суурин дахь охидын “Интернационал Шато Леман” гэдэг сургуульд хуваарилав. Тэнд арван дөрвөөс арван найман насны охид суралцах ажээ.
Элизабет энд байх минут бүрийг үзэн ядна.
Тэр өөрийгөө цөлөгдсөн мэт санана. Аймшигтай гэмт хэрэг хийсэн аятай төрсөн гэрээс нь алс хол явуулжээ. Ид шидийн мэт тэр нэгэн үдэш охин эцгийгээ, эцэг нь охиноо дахин шинээр танин нээж, тэдний дунд чин сэтгэлийн хайр, нөхөрлөл үүсэх цоо шинэ нээлтийн босгон дээр зогсож байсан мэт охинд санагдаж байв. Гэтэл одоо эцэг нь түүнээс хол, урьд урьдынхаасаа бүр алс хол байх болжээ.
Одоо тэр эцгийнхээ тухай мэдээг ердөө л сонин сэтгүүлээс дуулах болов. Эцэг нь ерөнхий сайдтай, ерөнхийлөгчтэй уулзсан, Бомбейд эмийн үйлдвэрийн нээлтэнд оролцсон, уулын авиралтын бүрэлдэхүүнд орсон, Ираны шахын зоогт урьсан тухай хальт мөлт мэдээлэл гэрэл зургийн хамт гарна. Элизабет гэрэл зургуудыг хайчлан аваад үргэлж биедээ авч явдаг тэмдэглэлийн дэвтэртээ нямбайлан наана. Охин тэр дэвтрээ Сэмюэлийн Номтой үргэлж хамт авч явна.
Элизабет сургуулийн бусад охидоос ямагт дөлнө. Ихэнх охид гурвуул дөрвүүл нэг өрөөнд амьдардаг бол тэрээр ганцаар тусгай өрөөнд байлгахыг хүсчээ. Охин эцэгтээ уртаас урт захиа бичивч, өөрийнхөө үнэн сэтгэлээ илэрхийлсэн тэр хэсгийг нь ураад хаячихна. Элизабет хаа нэгтээ эцгээсээ товчхон зурвас хүлээн авах ба харин төрсөн өдрөөр нь хамгийн алдартай, үнэтэй дэлгүүрийн гойд сайхан савлагаа, боодолтой нэлээд хэдэн илгээмжийг түүний нарийн бичгийн дарга нь явуулдаг байлаа. Элизабет аавыгаа ихэд санана.
Зул сарын үеэр охин Сардина дахь харшдаа аав дээр очих ёстой агаад очих өдрөө хоног тоолон хүлээж, явах өдрөө хүлээн солиорох шахлаа. Тэр өөртөө дагаж мөрдөх зан байдлын хууль гарган, тэмдэглэлийн дэвтэртээ нямбайлан бичжээ.
“Бүү залхуур.
Хөгжилтэй бай.
Бүү гуйж гувш, ялангуяа сургуулийн тухайд.
Ганцаардаж буйгаа түүнд бүү ойлгуул.
Түүнийг ярьж байхад үгийг нь бүү тасал.
Өглөөний цай уухдаа хүртэл нямбай хувцаслаж, үсээ самна.
Чамайг аз жаргалтай байна гэж бодтол нь их инээ”.
Энэ түүний өдөр тутмын залбирал, бурхнаас хүртсэн бэлэг ажээ. Хэрэв тэрээр энэ дүрмээ ягштал биелүүлбэл, магадгүй... магадгүй... Гэвч Элизабет биеэ барьж чадсангүй. Тэр “Гурав дахь ертөнцийн” тухай сонирхолтой бодлоо хэлэхэд эцэг нь “Чамтай ярилцахад ийм сонин байх юм гэж би мэдсэнгүй (дүрэм 2) Чи их ухаантай охин байна, Элизабет аа” гээд тэрээр нарийн бичгийн даргадаа хандан: “Элизабет цаашид сургуульд суралцах хэрэггүй гэж бодож байна. Түүнийг дэргэдээ байлган дагалдуулбал ямар вэ, та юу гэж бодож байна".
Охин өдөр хоногийг иймэрхүү залбирал хийн өнгөрөөсөөр.
Компанийн онгоц Цюрихээс Элизабетыг суулган, түүнийг лимузин хүлээн буй Олбийн нисэх буудалд хүргэж ирлээ. Элизабет арын суудалд суугаад хөлийнхөө чичрэхийг болиулах гэсэндээ өвдгөө тас хавчив. Яадаг ч байсан эцэгтээ нулимсаа үзүүлэхгүй дээ. Охин нь түүнийг бэтгэртлээ санасныг эцэг нь мэдэх ёсгүй.
Машин Коста-Смеральд тийш хөтлөх уулын замаар өгсөн явсаар оргил өөд авирсан зам руу эргэв. Нэг тал руугаа хадан цохионд хашигдсан, нөгөө талд нь онгойн харлах ёроолгүй ангал бүхий хавчиг нарийхан, огцом өгсүүр энэ замаас Элизабет үргэлж жийрхдэг байжээ.
Машин явсаар харшийнх нь үүдэнд ирэхэд Элизабет годхийн үсрэн буугаад, яаравчлан хурдан гэгч нь хэд алхсанаа тэсгэлгүй гэр рүүгээ хар эрчээрээ гүйлээ. Үүд нээгдэн тэдний нярав эмэгтэй Маргарита босгон дээр инээмсэглэн зогсож,
- Сайн явж ирэв үү, Элизабет хэмээн мэндчилбэл,
- Аав хаа байна? гэж Элизабет хариуд нь асуужээ.
- Түүнийг Австрали руу яаралтай дуудсан. Аав тань танд гоё бэлэг орхисон байгаа. Таны Зул сарын баяр тань сайхан болно гэжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.08.16 2:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
маш их баярлалаа, эднийхэн дотор энэ охин л овоо гайгүй хүн байж магадгүйм даа, сар шинэдээ сайхан шинэлээрэй


Top
   
PostPosted: Feb.08.16 2:28 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 11.

Элизабет Номоо авч ирэхээ мартсангүй. Тэрээр үүдний өрөөнд зогсон Сэмюэль Рофф, Терений хоёрын зургийг анхааралтай гэгч нь хараад тэднийг амьд сэрүүн байгаа мэт мэдрэмж төрөв. Номоо авч цамхагт өрөөндөө орж, хуудас бүрийг нь дахин дахин уншихад Сэмюэль, Терений хоёр түүнд улам бүр ойртон дотносож, тэднийг зааглаж байсан олон арван он жилүүд ор мөргүй арилах шиг болдог ажгуу.
Сүүлийн хэдэн жилийн туршид Сэмюэль Уал эмчийн лабораторид ихэнх цагаа өнгөрөөн эм, түрхлэг бэлдэхэд нь туслан, хэдийд хэрхэн хэрэглэдгийг нь мэдэж авсаар... Гэхдээ түүний далдын далд төлөвлөгөө нь гоо үзэсгэлэнтэй, халдашгүй дархан хөөрхөн бүсгүй Терений байлаа. Энэ төлөвлөгөө нь залуу хархүүгийн нэгэн сайхан өдөр бүсгүй түүний эхнэр нь болно гэсэн мөрөөдлийг нь. мохоосонгүй. Сэмюэль, Уал эмчтэй сайн харьцаатай байсан боловч хэл амаа билүүдсэн яншаа, ихэмсэг зантай Теренигийн эхийн тухай өөдтэй үг хэлэхгүйсэн. Уал хатагтай Сэмюэлийг үзэн ядах Тул залуу аль болохоор нүдэнд нь өртөхгүйг хичээнэ.
Хүмүүсийг эдгээх увидастай эм арвин баялаг байдагт залуу Сэмюэль хачирхан шагшина. Тэр ч бүү хэл тэртээ М.Э.Өмнөх 1550 онд эртний египетийн эмч нарын хэрэглэж байсан 811 жор бүхий баримт олджээ. Үүнийг хэрэглэсэн хүний амьдралын хугацаа арван таван жилээр уртсахын учрыг тэрээр уг баримтыг уншсаны эцэст эдгээр жоронд матрын төрц, гүрвэлийн мах, сарьсан багваахайн цус, тэмээний шүлс, арслангийн элэг, мэлхийн гуя, хирсний эврийн нунтаг ордог байсныг мэдэж авчээ. Жор бүхэнд “RX” гэсэн үсэг дараастай байх нь эртний грекийн эмч бурхан Херагийн тэмдэг гэлтэй. “Хими” гэдэг үг нь эртний Египетийн Ками, эсвэл Кими гэсэн газрын нэрнээс үүссэн, эмч нарыг ид шидтэн хэмээдэг байсан гэж Сэмюэль нэгэн удаа уншжээ.
Еврейн хорооных байтугай Краков хотын эмийн сан ч мөн нэг адил нэр төдий болхи ажиллагаатай байжээ. Тэнд шалгаж, сорил хийгдээгүй амь насанд аюултай эсвэл ямар ч хэрэгцээгүй гожоохой шилтэй эм бэлдмэл их бий. Сэмюэль тосон туулга, гишүүнэ, иодын нэгдэл, кодеин, бөөлжүүлэх эмийг нэгд нэгэнгүй сайн мэднэ. Эл эмийн сангуудын тосон түрхлэг, хоолой зайлах эмэнд шумуул хөвж, жоом, хархны гөлчгий, үс унгас, өд сөд хутгалдсан байх нь жирийн үзэгдэл, ариун цэврийн шаардлага хангасан нэг ч эм гэж үгүй. Энэ эмийг уусан ихэнх өвчтөн өвчнөөс юм уу, эсвэл эмнээсээ ч юм уу үхэх явдал олонтаа гарна.
Сэмюэль шинэ эмийн тухай мэдээлэл гардаг хэд хэдэн сэтгүүлийг шуналтайяа уншиж, Уал эмчтэй өөрийн онолоо хуваалцдаг байв.
- Бодууштай хэрэг байгаа биз! гэж Сэмюэль итгэлтэйгээр өгүүлснээ, - Ямар нэг өвчнийг эмчилж болох л юм. Учир нь эрүүл байх гэдэг бүх амьд амьтны жам ёс, гэтэл өвчин гэдэг жам бус явдал мөн гэвэл,
- Боломжийн л юм байна гэж Уал эмч бодлогошрон хэлээд,
- Гэхдээ миний ихэнх өвчтөн шинэ эмээр эмчлүүлэхийг яагаад ч зөвшөөрөхгүй гэж хүйтнээр өгүүлснээ, - Ухаантай л хийх хэрэгтэй дээ гэжээ.
Сэмюэль Уал эмчийн багавтар номын сангаас эм зүйтэй холбогдолтой номыг эхнээс нь аваад шувтартал уншивч, хариу авахын оронд олон асуулттай үлдэх тул тэрээр ихэд харамсана.
Анагаах ухаанд гарч буй эрс өөрчлөлтүүд Сэмюэльд урам хайрлав. Зарим эрдэмтэд хүний бие организмд өвчин эсэргүүцэх нөхцөлийг бүрдүүлсний дүнд олон өвчнийг таслан зогсоож болно хэмээн үзэх болов. Нэг удаа Уал эмч ийм туршилт хийхээр оролдсон байна. Тэд сахуугаар өвчилсөн өвчтөний цусыг моринд тарьжээ. Морь ч үхэж, Уал эмч ч туршилтаа зогсоов. Түүнийг зөв алхам хийж байна гэдэгт итгэлтэй байсан Сэмюэль,
- Танд үүнийг зогсоох хэрэггүй. Үүнийг заавал ч үгүй хийж болно гэж би итгэж байна гэвэл, Уал татгалзан толгой сэгсрээд,
- Чи нас залуу цус шингэн болохоороо ийм итгэлтэй байна. Миний насанд ирэхийн цагт юунд ч итгэхээ болино. Энэ тухай март гэжээ.
Өөрийн санаа өөртөө зөв гэгчээр залуу Сэмюэль туршилтыг үргэлжлүүлэхээр болсон ч олдож буй золбин муур, хархыг эс тооцвол тэдний хороонд мал амьтан гарын таван хуруунд багтахаар дэндүү цөөхөн ажээ. Баригдаж байгаа амьтад нь дэндүү өчүүхэн биетэй тул хамгийн бага дозыг тариагүй шахам байхад үхээд өгнө. “Эд нар жижигдээд байна. Надад том амьтан хэрэгтэй байна. Морь, үхэр, үгүй ядахнаа хонь. Тэднийг хаанаас олох вэ?” гэж Сэмюэль бодно.
Нэгэн өдөр оройхон гэртээ эргэж ирэхэд хашаанд нь тэргэнд хөллөсөн хөгшин морь байж харагдав. Тэрэгний хажуу бөөрөнд: "Рофф ба хүү” хэмээн томоор муруй хазгай бичжээ. Сэмюэль нүдэндээ ч итгэсэнгүй, эцгийгээ ирснийг мэдэнгүүтээ гэр рүүгээ харайлгав.
- Хашаанд байгаа энэ... энэ морийг. Та хаанаас аваа вэ? гэж асуувал эцэг нь сэтгэл бахдан инээмсэглэж,
- Сольсон юмаа. Одоо бид бие амар байх боллоо. Магадгүй таван жилийн дараа дахин нэг морь худалдаж авц чадах ч юм билүү, хэн мэдлээ. Чи төсөөлж байна уу? Манайх хоёр морьтой болно гэлээ.
Эцэнхий хоёр морь, ачаатай тэрэг, олон хүн хөлхөлдөх Краковын бохир гудамжаар зүтгэх нүүрээ ч угаагаагүй эцгийгээ дүрслэн бодоод Сэмюэль арай ядан нулимсаа тэвчлээ.
Бүгд унтсан хойно Сэмюэль адууны жүчээ рүү очин Ферд нэртэй морио анхааралтай харлаа. Туранхай эцэнхий нь туйлдаа хүрчээ. Хөгшин, ташаа нь ёрдойсон эцэнхий дээр нь бас доголон шүү. Энэ морь эцгээс нь хурдан явна гэдэг юу л бол доо. Гэвч энэ тийм чухал биш. Хамгийн гол нь Сэмюэль туршлагын амьтантай болсон явдал байв. Одоо түүний туршилт нь золбин муур, харх барьж авч чадсан, эс чадсанаас хамаарахаа болилоо. Мэдээж болгоомжтой байх хэрэгтэй. Эцэг нь түүний юу хийж буйг мэдэх ёсгүй Сэмюэль мориныхоо толгойг илэн,
- Хоёулаа эм зүй судална хэмээн Фердэд итгэлтэйгээр хэлжээ.
Сэмюэль Фердийн байх жүчээний буланг өөрийн бүтээсэн лабораториор тоноглов. Тэр өтгөн шөлөнд сахуугийн нянг үржүүллээ. Шөл булингартаад ирмэгц тэрээр саванд тасдан, бага зэрэг халаав. Тариураа дүүргэж аваад морь руугаа очив.
- Би чамд хэлж байсныг санаж байна уу гэж шивнээд,
- Чиний агуу их өдөр боллоо гээд Уал эмчийн зааснаар далан доорх үрчийж хуниралдах арьсан дор нь тариураа шаагаад шахчихлаа. Ферд түүн тийш толгой эргүүлэн зэмлэх аястай ширтээд шээс алдах нь тэр.
Сэмюэль нян Фердийн биеэнд дор хаяж 72 цагийн дараа идэвхжиж эхэлнэ хэмээн тооцоолов. Энэ хугацаанд тэрээр дахин ахиу тунгаар, дараа нь бас дахин тарих ёстой. Хэрэвзээ эсрэг биеийн онол үнэн бол, тун бүрийн дараа бие махбодын өвчин эсэргүүцэх чадвар нэмэгдэнэ. Ингэж л Сэмюэль шинэ вакцинаа гаргаж авах болно. Үүний дараа түүнд вакциныг үйлчилгээг шалгах хүн хэрэгтэй болно, энэ ч амаргүй хэрэг. Эл сорилыг турших амь насандаа хайргүй хэн байх билээ.
Сэмюэль 2 хоногийн турш Фердээс алхам ч холдсонгүй.
- Чи чинь юу болчхоо вэ, арай энэ моринд дурлачхаагүй биз дээ? гэж эцэг нь түүнийг зэмлээд, - Бүтэн өдөржингөө түүний бөгсний дэргэд шодойн зогсох чинь гэв.
Сэмюэль амандаа үл ойлгогдох юм үглэв. Түүнд ичгүүртэй байсан ч гэлээ үнэнээ хэлж зүрхэлсэнгүй. Эцэг нь учрыг нь мэдэх хэрэг юун? Сэмюэльд ердөө л өчүүхэн жижигхэн шилээр Фердийн цусны сийвэн л хэрэгтэй. Ингэлээ гээд хэн ч хохирохгүй хэмээн тэрээр бодлоо.
Бүхнийг шийдвэрлэх 3 дахь өдрийн өглөө Сэмюэль эцгийнхээ цөхрөн хашгирах дуунаар сэрээд, орноосоо огло харайн босч, цонх руу хүрч очин хашаа руу харав. Эцэг нь тэрэгнийхээ дэргэд зогсоод, хүний бус дуугаар орилж байв. Тэргэнд морь байсангүй.
Сэмюэль яаран хувцаслаж гадагш нисэх мэт гүйн гарав.
- Новш гэж! Зальхай амьтан! Хулгайч! Хулгайч! Хулгайч! гэж эцэг нь хашгирна. Сэмюэль эцгийг нь тойрон бүчсэн олны дундуур зүтгэлээ.
- Ферд хаа байна?
- Чи надаас асууж байна уу? гэж эцэг нь орилоод,
- Ферд үхчхэж. Яг л золбин нохой аятай гудамжинд үхсэн хэвтэнэ гэж хашгирав.
Сэмюэль сэтгэлээр уналаа.
- За тайвшир даа, бид дажгүй л байна. Би дахиад худалдаж авна, түүнийгээ зодож, жанчиж, ташуурдахгүй... хэн шиг ч гэмээр юм бэ дээ. Чи юу гэж бодож байна? Дахин гэнэт үхчихвэл зарсан новшийг газар дээр нь барьж авч, намалдгийг нь нээгээд өгнө дөө.
Сэмюэль эргэн явлаа. Ферд үхсэнээс ч долоон дор юм болж, түүний итгэл найдвар ч мөн үхжээ. Үхсэн Фердийн хамт еврейн хорооноос зулбан зугтаж эдлэх эрх чөлөө, Терени болон тэдний хойч үр хүүхдийнх нь тансаг сайхан байр нь ор сураггүй алга боллоо.
Гэвч хамгийн аймшигтай нь бас болоогүй байжээ.
Фердийн үхсэний маргааш Уал эмч түүний эхнэр хоёр Теренийг нэгэн ламтантай суулгахаар шийдвэрлэснийг нь мэдэв. Сэмюэль үүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй, Терени зөвхөн түүнд заяагдан төрсөн, өөр хэнд ч биш! Залуу эр хөлийн хурд мэдэн Уалынх рүү багтарч үхтлээ гүйсээр тэднийх рүү нисч орж нэгэнтээ гүн амьсгаа авчхаад,
- Андуурал болжээ. Терени надтай гэрлэнэ гэж хэлээгүй юу? гэв.
Тэд нар түүнийг гайхан ширтэцгээв.
- Бид нар хараахан бэлэн бус байгаа гэдгийг мэдэж байна л даа хэмээн Сэмюэль хэлснээ, - Хэрэв тэр надтай бус өөр хүнтэй гэрлэвэл аз жаргалтай амьдарч чадахгүй. Тэгээд ч ламтан дэндүү хөгшин ... шал хөгшин ...
- Эргүү тэнэг! Чалчаа амьтан! Зайл! Зайл эндээс.
Теренигийн эх золтой л цус харвачихсангүй.
Хоромын дараа Сэмюэль гудамжинд гарчихсан хэзээ хойно энд дахин бүү үзэгд гэж хашгирах дуу чихэнд нь хангинасаар. Тэр шөнөдөө Сэмюэль Бурхан тэнгэртэй удаан гэгч ярилцав.
- Чи надаас юу хүсээ вэ? Хэрвээ Терени минийх болохгүй байсан юм бол, чи надыг яах гэж түүнд дурлуулаа вэ? Чи юу ч мэдэхгүй байна гэж үү дээ? Чи намайг сонсож байна уу? хэмээн тэнгэр рүү харан хэлжээ.
Хүн пиг дүүрэн байшингийнх нь хаа нэгтэйгээс,
- Сэмюэль, бид чамайг сонсож байна! Бурхныг бодож дуугаа татаад, хүмүүсийг унтуулаач! гэх дуу гарав.
Маргааш өглөө нь Уал эмч Сэмюэлийг дуудуулжээ. Уал эмч, хатагтай Уал, Терени гурав суух зочдын өрөөнд түүнийг оруулж ирэв.
- Бидэнд бага зэргийн төвөг учраад байна гэж Уал эмч яриагаа эхлээд, - Манай охин, зөрүүдлээд эхэлбэл яаж ч болдоггүй юм. Яагаад гэдгийг нь ойлгохгүй юм, гэвч чи түүнд таалагдаж байна хэмээн түүнд санагдаж байна гэнэ. Сэмюэль ээ, би түүнийг дурлачихсан гэж хэлээгүй шүү, яагаад гэвэл залуу бүсгүйчүүд дурлал гэж юу байдгийг мэддэггүй юм шүү. Тэр ч бүү хэл, охин маань Рабинович ламтантай гэрлэхээс татгалзаж, чамтай л гэрлэхийг хүсч байна гэнэ гэх нь тэр ээ.
Сэмюэль Терени тийш сэм харвал бүсгүй хариуд нь инээмсэглэв. Баярласандаа золтой л муурч унасангүй. Гэвч энэ баяр баясгалан нь хормын төдийд ариллаа.
Уал эмч үргэлжлүүлэн,
- Чи миний охинд хайртай гэл үү?
- Т- т- тиймээ, ноён эмч ээ гэж Сэмюэль ээрэн бүвтнэхчээ аядсанаа тэр даруй, - Тийм ээ, ноён эмч ээ хэмээн зоримог чангаар хэлсэнд,
- Тэгвэл Сэмюэль ээ, надад хэлээд аль, чи Теренийг гудамжны наймаачинтай гэрлэг гэж хүсээ юу, аан? гэхэд нь,
Сэмюэль эмчийн юу хэлэх гээд байгааг ойлгон, тэр дахиад Терений тийш харснаа,
- Үгүй хэмээн аяархан хэлэхэд,
- Харж байна уу? Бидний хэн нь ч Теренийг гудамжны наймаачинтай гэрлэхийг хүсэхгүй байна. Ингэхэд Сэмюэль чи, гудамжны наймаачнаас өөр хэн юм бэ дээ? гэхэд нь, - Би үргэлж энэ янзаараа байхгүй шүү хэмээн Сэмюэлийн дуу чангарахад, хатагтай Уал хөндлөнгөөс оролцож,
- Чи тэгээд юу хийх хүн юм бэ. Чи, чиний угсаа язгуур чинь гудамжны наймаачид, тэр л янзаараа үлдэх болно. Охин минь наймаачин эртэй гэрлэхийг би хүсэхгүй байна гэлээ.
Сэмюэль тэр гурвыг сандчин харна. Залуу айдас хүйдэс өвөртлөн ийшээ орж ирэхдээ хэмжээлшгүй баяр баясгалан, туйлгүй их цөхрөл амсахаа мэдэрч байжээ. Тэд нар түүнээс юу хүснэ вэ?
- За тэгэхээр ингэж тохирцгооё. Бид Сэмюэль чамд I ердийн нэг гудамжны наймаачин биш гэдгээ нотлохын тулд зургаан сарын хугацаа өгье. Хугацаа дуусахын цагт чи Теренигийн дасаж дадсан амьдралынх нь төвшинд байлгаж чадахгүй нь мэдэгдэх аваас Терени Рабинович ламтантай гэрлэх болно гэлээ.
Сэмюэль айдаст автан эмч рүү харлаа.
- Зургаан сар ий?
Гэвч зургаахан сарын дотор цүлхийсэн баян болж яагаад ч чадахгүй! Тэр тусмаа Краковын хороонд байхад!
- Чи ойлгов уу? гэж Уал эмч асуув.
- Ойлголоо.
Тэрээр ойлгохын цаагуур ойлгожээ. Түүний хамаг биеийг нь нэгэн хүнд юм дараад авах шиг санагдаад явчихлаа. Одоо түүнд зөвхөн ид шид гээч л тусалж чадах байх даа.
Эмчийн хүргэн хүү нэг бол эмч, нэгэн бол ламтан эсхүл баян хүн байх ёстой ажээ. Сэмюэль эл гурван боломжийг тунгаан бодож эхэллээ.
Амьдралын бичигдээгүй хууль түүнийг эмч болгохгүй.
Ламтан боль юу даа? Ламтан болохын тулд 13- тайгаасаа суралцах ёстой, гэтэл тэр хэдийн 18 хүрчихсэн байдаг.
Баян больё гэвэл, үгүй дээ л хоногийн 24 цаг ажиллаад гудамжинд хямд төсөр бараагаа зарахад ерэн нас хүрсэн ч гэсэн энэ чигээрээ ядуу хэвээр байх болно. Уалынхан, түүнд хэзээ ч бүтэшгүй даалгавар өгчээ. Өнгөн дээрээ тэд Теренид ламтантай гэрлэхийг нь хойшлуулсан дүр эсгэж, Сэмюэльд хэзээ ч биелэшгүй нь мэдсээр байж тийм нэгэн шаардлага тавьсан аж. Зөвхөн Терени л түүнд итгэж байгаа цорын ганц хүн юм. Бүсгүй зургаан сарын хугацаанд түүнийг алдар цууд гарах эсвэл баяжих нэгэн арга чарга олно гэдэгт тун итгэлтэй байлаа. “Тэр ч надаас дутахааргүй юмтай даг аа” хэмээн Сэмюэль цөхрөн боджээ.
Товлосон зургаан сар ч нисэх мэт өнгөрлөө. Сэмюэль өдөр нь эцэгтээ тусалж жаргах нарны урт сүүдэр хорооны хананд суухын цагт гэр рүүгээ яаран ирээд ам хөдөлгөх төдий ундлаад" зохиосон лаборатори руугаа харайлгана. Тэр цусны ийлдсийг янз бүрийн тунгаар бэлдэн туулай, нохой, муур шувуунд тарина. Гэвч тэд нар нь тэсгэлгүй үхчих нь гачлантай. “Эд дэндүү жижигдээд байна. Надад том амьтан хэрэгтэй байна” хэмээн Сэмюэль гайхширна.
Түүнд бэлэн зэхий мал амьтан ч олдсонгүй, цаг хугацаа ч түүнийг хүлээлгүй урагшилсаар.
Сэмюэль долоо хоногтоо хоёр удаа Краков орон эцэгтээ худалдах бараа нийлүүлэхэд нь тусалдаг байлаа. Үүрийн харуй бүрийгээр хаалттай хаалганы өмнө бусад наймаачдын хамт зогсож байхдаа тэрээр тэднийг үл сонсон, үл харан бодолдоо умбан тэднээс тэртээ алсад байх ажгуу.
Яг л тийм нэгэн өглөө түүнийг бодолд автан цоожтой хаалганы өмнө зогсож байхад нь яг чихэнд нь,
- Хөөе чи, нойтон хоншоорт нохойн гөлөг, муу еврей минь! Юундаа амаа ангайгаад гөлийчхөө вэ? Яваач гэж ширүүн зандрах сонсогдов.
Сэмюэль сэрвэдхийн ийш тийш харлаа. Хаалга хэдийнээ цэлийтэл нээгдчихсэн, мань эр замын тэхий голд яйжгий муу тэргэнцэртэйгээ ганцаар зогсож байв. Догшин харуул эр түүнд нударганы амт үзүүлээд замаас түргэн зайлахыг тушаалаа. Хаалган дээр голдуу хоёр харуул зогсох агаад тэд ногоон өнгийн дүрэмт хувцас өмсөн, онцгой ялгарах тэмдэг зүүж, гар буу, хүнд бороохой барьж, нэг нь хорооны хаалгыг түгждэг гинжинд хэлхсэн түлхүүр бүсэндээ зүүдэг ажээ. Хорооны ханыг даган хуучин модон гүүр бүхий багахан гол урсах агаад гүүрний цаахна талд харуулын байр бий. Энэ гүүрээр хороондоо дахин хэзээ ч ирээгүй яршиг тарьсан золгүй еврейчүүдийг туун авч явсныг Сэмюэль олонтаа харсансан. Хууль ёсоор нар жаргахаас өмнө бүх еврей нар хороондоо эргэж ирсэн байх ёстой бөгөөд хаалга хаагдсанаас хойш хоцорсон хэн бүхэн харуулуудын гарт орж, баривчлагдан, хүнд хүчир ажилд цөллөгддөг ажээ. Иймээс тэд нар шингэхээс өмнө хороондоо орж амжихгүй хоцрох вий гэхдээ үхлээс ч илүү айдаг байна.
Харуулууд шөнийн туршид постон дээрээ үлдэн манах захирамжтай ч гэсэн хаалга хаагдмагц харуулуудын хэн нэг нь хот руу зугаацахаар явдаг гэдгийг еврей нар бүгд мэднэ. Үүр цайхын өмнө тэрээр эргэж ирэн үүд нээхэд нөгөөдөө тусалдаг ажээ.
Павел, Арам гэх хоёр цагдаа тэнгэр газар мэт ялгаатай: Павел нь сайхан сэтгэлтэй, нас бага, нүдэнд дулаахан бол Арам нь тэс ондоо жинхэнэ араатан, хүрэн бараан царайтай, болд төмөр мэт хатуу, чанга, бохир савар, пивоны торх мэт цүндгэр биетэй ажээ. Тэр еврей нарыг хяхах харгис үзэлтэй нэгэн тул түүнийг жижүүрлэх өдөр нь еврей нар хороо руугаа товлосон цагаас бүр ч эртлэн яаравчилдаг бөгөөд Арам алмайтсан еврейг гартаа оруулан түүнийг бахаа ханган дөнгөн данган амьтай голтой амьтан болтол нь бороохойдоод харуулын байр тийш чирч оддог байв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.08.16 2:29 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Энэ удаад гайхал жигшилт нөгөөх Арам өөрийн биеэр зам чөлөөл гэж Сэмюэлээс шаардан бархирч байжээ. Сэмюэль яаран хөдөлсөн авч харуулын үзэх ядах харц ар зоог нь өрөмдөх мэт ширтэхийг мэдрэв.
Сэмюэльд товлосон зургаан сарын хугацаа нь тав, дөрөв болсноо тун ч удалгүй гурван сар үлджээ. Сэмюэль цаг үргэлж лабораторидоо ажиллах тул түүнд асуудлаа шийдвэрлэх өдөр цаг гарахгүй байлаа.
Тэр хорооныхоо дөнгүүр гэсэн баячуултай уулзан зөвлөхөд зарим нэг нь түүнийг сонсохыг эс хүсэж, анхааран таалсан зарим нэг нь,
- Мөнгөтэй болмоор байна уу? Зоос бүрийг цуглуул. Нэгэн сайхан өдөр эргэлтийн хөрөнгөтэй болно вий гэхчлэн ямар ч ашиггүй зөвлөгөө өгнө.
Чинээлэг гэр бүлд төрсөн тэд ийм зөвлөгөө өгөхөөс өөр юу ч хэлэх билээ дээ.
Теренийг ятган эндээс зугтъя гэсэн хийтэй нэгэн бодол түүний тархинд харван орж иржээ. Хаашаа тэр вэ? Хийтэй бодлынх нь эцэст халаасандаа зэс зоос ч үгүй тэднийг өөр нэгэн хороо алга тосон хүлээж авахгүй, өөрсдөө чухамдаа золгүй ноорхой юмнууд болно бий вий. Үгүй дээ, амь шигээ хайрладаг Теренийг тийм хувь тавилан руу аваачихгүй. Орсон хавх нь тас хавчсан хэвээр.
Өрөвдөхийг үл мэдэх цаг хугацаа урссаар гурван сар нь хоёр, эцэст нь нэг сар үлдэв ээ. Энэ л өдрүүдийн туршид Сэмюэлийн цорын ганц тайтгарах зүйл нь Теренитэй товлосон болзоо байв. Түүнд долоо хоногтоо гурван удаа гэр бүлийнхний хэн нэгний оролцоотойгоор Теренитэй уулзах зөвшөөрөл өгчээ. Уулзах бүр бүсгүйд хичнээн хайртай болохоо мэдэрнэ. Жаргал, зовлон хослуулан учрах тоолондоо Сэмюэльд түүнийгээ үүрд алдах вий гэсэн зовлонт нэгэн бодол түүнийг тарчлаана.
- Чамайг амжилтанд хүрнэ гэдгийг би мэдэж байна гэж Терений түүнийг тайвшруулна.
Эцэст нь ердөө гурван хоног үлдээд байхад Сэмюэль урьдын адил хэрхэн шийдэхээ мэдэхгүй хэвээр байв. Тэр шөнө болсон хойно Терени Сэмюэлийн жүчээнд гүйн хүрч иржээ. Бүсгүй түүнийг тэврээд,
- Алив зугтъя, Сэмюэль ээ гэх нь тэр.
Яг энэ мөчид хайрласан шигээ Сэмюэль түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй ажээ. Бүсгүй түүний төлөө нэр төрөө гутаан, эцэг эхээ хаян, цатгалан хангалуун амьдралаасаа татгалзаж байлаа.
Залуу эр түүнийг чанга гэгч нь тэврээд, - Үгүй, хаашаа ч зугтсан би гудамжны наймаачин чигээрээ үлдэнэ шүү дээ гэсэнд,
- Энэ чинь намайг их зовоохгүй байна гэжээ.
Сэмюэль бодолдоо бүсгүйг уужим том тасалгаатай томоо гэгчийн байранд, зарц үйлчлэгчидтэй, чанга хатуу захирдгийг нь, дараа нь өөрийн эцэг, эгчтэйгээ гурвуулаа толгой хоргоддог жижигхэн ядуу умгар өрөөгөө санаандаа ургуулан хараад,
- Энэл намайг шаналгаж байна, Терени гэв.
Бүсгүй тэврээс нь мултран годхийн гүйгээд явчихлаа.
Маргааш өдөр нь Сэмюэль сургуулийн анд Исаактайгаа гудамжинд нэгэн морь цулбуурдан явж байхад нь тааралджээ. Хөтөлсөн морь нь өрөөсөн нүдтэй, хатгалгаанд баригдан шаналсан, доголон, дүлий ажээ.
- Сайн уу, Сэмюэль.
- Сайн, сайн уу, Исаак. Морио хөтлөөд хаачихыг чинь мэдэхгүй, гэхдээ яаравчлавал дээргүй юу. Цагийн дараа гэхэд морь чинь мөрөө харахгүй болох нь.
- Тэгээд юу гэж. Лоттаг бариа солионд өгч байгаа хойно юуны ялгаа байна.
Сэмюэлийн нүд сонирхсондоо гялалзаад ирлээ.
- Тэд чамд хэр ихийг өгнө гэж чи бодож байна?
- Юуных нь их байх вэ? Надад тэргэнцэр худалдаад авчих хоёр зоос л хэрэгтэй.
Сэмюэлийн сэтгэл нь хөдлөөд амьсгаа нь давхцаад явчлаа.
- Хол явахын хэрэг юу байна. Чи надад морио, би чамд тэргээ өгье, хоёулаа сольчихъё, тэгэх үү?
Таван минутын дараа андууд арилжаагаа хийж дуусжээ.
Сэмюэль шинэ тэргэнцэр урлах, хуучин муу яйжгийгаа хэрхсэнээ болон ягтаа тулсан энэ муу адасгыг хаанаас авснаа аавдаа тайлбарлах хэрэг гарч дээ.
Тэр муу адасгаа саяхан Фердийн байсан жүчээнд авчрав. Хөөрхий Лотта Фердээс ч дордсон нь үзтэл илт. Залуу сэрвээг нь илэн,
- Лотта, бүү зов. Чи эмнэлгийн түүхэнд бичигдэх болно гэжээ.
Ингээд хэдэн минутын дараа гэхэд анхны тарилга бэлэн боллоо.
Хороон дахь хүн амын нягтшил, бохир заваанаас үүдэн өвчин тахал дэгдэх нь олонтаа. Хамгийн сүүлд гэхэд хумхаа, шаналгасан үхлээр төгсдөг найлзуурын үрэвсэлт өвчин дэлгэрчээ. Эмч нар өвчний үүсч буй шалтгаан болон тэмцэх арга чаргыг эс мэднэ. Эл өвчин Исаакийн эцгийг тойрсонгүй. Үүнийг мэдсэн Сэмюэль найзынх руугаа хурдалжээ.
- Эмч ирсэн. Юу ч тус болохгүй гэж хэлсэн хэмээн тэрээр Сэмюэльд уйлагнан өгуүлэв.
Дээд давхраас тамираа тасартал зовлонтойгоор бүгшүүлэн ханиалгах сонсогдоход энэ нь амсхийх чөлөө өгдөггүй мэт санагдав.
- Надад чамаас гуйх юм байна. Аавынхаа нусны алчуурыг аваад ирээч гэж Сэмюэль хэллээ.
Исаак түүнийг буруу дуулав уу гэлтэй тээнэгэлзэн ширтэв.
- Юу- у?
- Гэхдээ цэртэйг нь шүү. Тэр чигээрээ нян язганаж байгаа болохоор, болгоомжтой байгаарай даа.
Цагийн дараа Сэмюэль морины хашаанд алчуур дахь цэрийг хусан шөлтэй тавганд хийлээ.
Тэр бүхэл шөнө, бүтэн өдөр ажиллаад бага зэргийн тун авч хүлцэнгүй Лотта моринд тарьж эхэлснээ, дараа нь тунгаа нэмсээр, цаг хугацаатай тэмцсээр, Исаакийн эцгийг аварна гэж итгэсээр.
Өөрийнхөө ч амьдралыг аварна хэмээн найдсаар.
Бурхан түүний талд уу эсвэл Лоттагийн талд байна уу, ойлгосонгүй, нөгөө тэнхэл муутай турьгүй адасга, хамгийн их тунг хийсний дараа ч амьд байж Сэмюэль аюулт өвчнөөс хамгаалах анхныхаа тунг гаргаж авах нь тэр.
Одоо Исаакийн эцэгт ийлдсээ хийлгэхийг ятгах л үлдлээ.
Үүнийг ятгахад төвөг орсонгүй. Сэмюэлийг Исаакийн гэрт явж ороход хамаатан садангууд нь дүүрчихсэн, хурдан муудаж байгаа ч хараахан үхчихээгүй эцгийнх нь төлөө нулимс дуслуулан байв.
- Тэрээр удахгүй нь гэж Исаак Сэмюэльд хэлэхэд нь,
- Би аав дээр чинь орж болох уу? гэжээ.
Харчуул үхэж буй эцгийнх нь өрөө рүү орохоор дээш гарав. Исаакийн эцэг халуурч чирсэн улаан царайлан орондоо хэвтэж байв. Амьсгааг нь боох ханиалга түүний тамирдсан биеийг нь улам доройтуулж, тэрээр улам мууджээ. Үхэж буй нь нүднээ илт харагдаж байлаа.
Сэмюэль гүнзгий гэгч амьсгаа аваад,
- Ээж та хоёртой чинь ярих юм байна гэв.
Эх, хүү хоёр Сэмюэлийн авч ирсэн бяцхан гожгор шилэнд хийсэн анагаах шидтэн гэгчид үл итгэнэ. Үүнийг хийлгэх үү эсвэл тэжээгчийнх нь үхэл үү. Тэртэй тэргүй алдах юмгүй болцгоосон тэд нар тариа хийлгэхийг зөвшөөрчээ.
Сэмюэль Исаакийн эцэгт тариагаа хийлээ. Гурван цагийн турш тэр өвчтөний орноос ч холдолгүй сахивал дээрдэх янз алга. Ийлдэс үйлчилсэнгүй. Хэрэвзээ үйлчилсэн гэвэл буруу тийшээгээ хазайсан бололтой багтартлаа ханиалгах нь нэмэгдэж, Сэмюэль найзыгаа эгцлэн харахаас ч эмээн гэр рүүгээ явлаа.
Сэмюэль маргааш үүрээр Краков явж бараа татах ёстой байжээ. Тэрээр Исаакийн эцэг амьд байгааг мэдэх хүсэл оргилон, хурдан харихыг чармайлаа.
Зах хүнээр пиг дүүрчихсэн байсан болохоор яаран давчдах Сэмюэль наймаа хийж чадахгүй буцах мэт санагдав. Дөнгөж үд дундад арай ядан цойцон тэргээ бараагаар дүүргээд хорооныхоо зүг яарлаа.
Хотын хаалганаас хоёр миль ч холдоогүй байтал гай газар дороос гэгчээр нэг дугуй нь дундуураа хуваагдан хоёр хэсэг болоод яйжгий муу тэрэг нь онхолдож, бараа нь замаар нэг цацагдлаа. Эвдэрхий дугуйгаа засуулмаар байдаг, бараа тэргээ эзэнгүй орхиж болдоггүй, Сэмюэль хэрхэхээ шийдэж ядан зогсоно. Нэг мэдэхэд эргэн тойронд нь замаар нэг цацагдсан барааг нь өлөн нүдээр ширтэх хүмүүс цугларч эхэллээ. Сэмюэль гэнэт өөр рүү нь ирж яваа цагдааг хараад бүх юм өнгөрснийг нь ойлгов. Тэд бараа, тэргийг нь зүйлбэргүй хурааж авна даа. Цагдаа овоорсон хүмүүсийг түлхэн зайлуулсаар айн бүлтгэнэх залуугийн дэргэд ирлээ.
- Чамд шинэ дугуй хэрэгтэй болж дээ
- Т- т- т- иймээ, эрхэм дарга аа.
- Хаанаас авахаа мэдэж байна уу?
- Үгүй, эрхэм даргаа.
Цагдаа цаасны тасархай дээр нэг юм бичсэнээ,
- Май, энэ хаяг нь. Очоод тэдэнд юу хэрэгтэйгээ хэл.
- Би тэргээ орхиж чадахгүй нь.
- Яагаад чадахгүй гэж? гээд хурсан олныг ширүүн харцаар ширвэн харснаа,
- Би харж байя! Гүйгээч, хурдал! гэжээ.
Сэмюэль замын турш хар чинээгээрээ гүйлээ. Заасан хаягаар явж очоод юу хэрэгтэй байгаагаа хэлбэл дархан эр хэрэгтэй дугуйг нь хайж гарав. Сэмюэль дугуйны мөнгийг төлөөд түүнд ердөө л хагас гульдентэй тэнцэх мөнгө үлджээ.
Залуу дугуйгаа тэврэн гүйсээр осол гарсан газартаа хүрч ирлээ. Хурсан хүмүүс тарж, бараа нь байсан байрандаа, цагдаа эр дэргэд нь зогсож байв. Мань эр цагдаагийн тусламжтайгаар хагас цагийн дотор дугуйгаа солин бөхөлзөөд гэрийн зүг гэлдрэв. Түүний хамаг бодол санааг нь Исаакийн эцэг эзэмджээ. Тэр амьд болов уу, үхсэн болов уу? мэдэхсэн гэхээс тэсгэл алдан, нэг ч хором тэсэхгүй нь бололтой.
Хороо хүртэл милийн зай үлджээ. Нүдний нь өмнө хорооны өндөр хана бөртөлзөнө. Жаргах нарны туяа даруй бөхөн сүүмийсээр агшны төдийд эргэн тойронд нь харанхуй нөмрөөд авлаа. Хөл үймээнд самгардсан Сэмюэль цагийн
тухай ор тас мартсан байжээ. Нар хэдийн жаргаж, тэрээр хорооноосоо тасран тусгаарлагдсан мэт санагдав. Мань эр ачаатай хүнд тэргээ түрэн гүйж гарлаа. Зүрх нь галзуутай оволзоно. Ээ Бурхан минь гэж, очихоос нь өмнө үүд л битгий хаагдаасай! Тархинд нь хорооны хаалганы цаана үлдсэн еврейчүүдийн тавилангийн тухай яриа харван орж ирэхэд тэрээр бүр ч хурдлан гүйлээ. Удахгүй харуулуудын нэг нь үлдэх болно. Хэрэв Павел үлдвэл бас ч гэж горьдлого бий. Хэрэв Арам өнөөдөр үлдвэл бүх юм орвонгоороо эргэж хойчийн тухай бодохын хэрэггүй болно. Манан татах аятай улам улам бүүдийж, харанхуй бүр нүүрэн дээр нь тулаад, тун ч удалгүй бороо шивэрч эхлэв. Сэмюэль хорооны хашаа рүү тэмүүлсээр. Гэнэт харанхуй дундаас өмнө нь аварга том хаалга үзэгдэв. Хаалга хаалттай байлаа.
Сэмюэль хаалга хаалттай байхыг гаднаас нь ганц ч удаа хараагүй аж. Амьдрал нь орвонгоороо эргэх шиг түүнд санагдаад, айсандаа салгалан чичирлээ. Өөрт нь үнэлж баршгүй үнэтэй бүгдээсээ, өөрийн ертөнцөөсөө, төрөл төрөгсдөөсөө тасрах нь тэр. Ингээд алхаагаа удаашруулан хаалга тийш ойртож очоод, харуулыг хайн ийш тийш харав. Тэд хаана ч байсангүй. Сэмюэлийн зүрхэнд найдвар төрөөд иржээ. Харуулуудыг хаа нэг тийш нь яаралтай дуудсан бололтой. Магадгүй, тэр үүд онгойлгох ч юм билүү, эсвэл анзаарагдалгүй хашаа даваад орчих боломж байгаа ч юм билүү. хэн мэдэхэв. Гэтэл түүнийг хаалганд тулж иртэл харанхуйгаас гэнэт нэг харуул гарч ирээд,
- Яваач, яваач! гэв.
Харанхуйд түүний царайг харагдсангүй. Гэвч тэр дуу хоолойг нь танилаа. Тэр бол Арам байжээ!
- Ойрт, ойрт. Наашаа яв.
Арам ойртон яваа Сэмюэлийг жуумалзан ажиглана. Залуу, зүрх алдан айхдаа зогтусан зогсчихлоо.
- Алив, алив, яваач гэж Арам түүнийг өдөн,
- Яваач, яагаад зогсчхов оо? гэв.
Сэмюэлийн зүрх нь галзуутай цохилуулан айсандаа бүр дагжтал чичирч, үлэмж биет харуул руу алгуурхан ойртов.
- Ноён даргаа, бүгдийг тайлбарлахын минь болгооно уу. Замд явж байтал эвдрэл гараад... Тэрэг...
Арам аварга том савраа урагш сунган Сэмюэлийг заамдан аваад муурын зулзага аятай агаарт санжгануулан өргөлөө.
- Хараал идсэн, нусгай еврей минь гэж тэр архираад,
- Чиний яасан чинь надад юуны хамаа байна? Чи хаалга хаагдахаас өмнө ирж чадсангүй! Одоо чи юу болохоо мэдэж байна уу?
Сэмюэль айн балмагдсандаа толгой сэгсчив.
- Би чамд хэлээд өгье л дөө. Өнгөрсөн 7 хоногт шинэ журам гарсан. Нар жаргаснаас хойш хаалганы цаана баригдсан бүх суугчдыг Силез руу илгээх болсондоо. Арван жил цөллөгт ажиллана. За ямар байна, таалагдаж байна уу?
Үүнд итгэхэд ч бэрх байлаа.
- Гэвч би... би буруу юм хийгээгүй. Би...
Арам сул гараа далайж Сэмюэлийн улаан нүүрэн дунд нь нэг дэлсчхээд жишим ч үгүй түүнийг газарт шидчихлээ. Сэмюэль ч тэрий хадан годройтон уналаа.
- Явъя гэж Арам хэлэв.
- Ха-ашаа? гэж шулганан асуух Сэмюэлийн хэл нь айсандаа арай ядан хөдөллөө.
- Хэсэг рүү. Өглөө чамайг бусад олиггүй еврейчүүдийн хамт хэрэгтэй газар руу чинь илгээнэ. Алив босооч!
Сэмюэль түүнээс юу хүсээд байгааг нь эс ойлгон хэвтсээр.
- Би ядахдаа аав, эгчтэйгээ салах ёс гүйцэтгэх ёстой.
Арам далбилзан маасганаж,
- Зүгээр ээ, жаахан уйдаж байгаад мартнамз.
- Тэдэнд ядаж хэл хүргэхийг минь болгооно уу гэж Сэмюэль мөргөн гуйв.
Арамын нүүрэн дэх инээмсэглэл оргүй арилж, Сэмюэль руу заналтайгаар ойртон үгээ сунжруулан гэтүүр дуугаар,
- Би бос гэж чамд хэлсэн байхаа, еврей новш минь! Хэрэв намайг дахин давтуулахад хүрвэл чинь би төмсгийг чинь тас татна шүү гэв.
Сэмюэль аажим өндийлөө. Арам бахь мэт бахим гараараа гараас нь базан аваад хэсэг рүүгээ чирлээ. Силезид арван жил цөллөгт ажиллана! Тэндээс хэн ч эргэж ирдэггүй. Мань эр чирэн гулдчин явах эрийн цаахна гүүр байхыг хялайн харлаа.
- Хэрэггүй дээ, гуйя. Намайг тавьчхаач гэж өрөвдөлтэй гэгч нь гуйв
Арам цус нь боогдтол гарыг нь тас атгах нь дэндүү хүч тэнхээтэйнх ажээ.
- За за, залбирч үз. Еврейчүүдийг гуйж гувшихад дуртай шүү. Силезийн тухай сонсоо л биз дээ. Тэнд ч одоо өвөл болж байгаа даа. Гэхдээ дажгүй, уурхайд нам гүм дулаахан байдаг юм. Уушиг чинь нүүрсээр дүүрч харлаад ирэхийн цагт чи цусаар ханиалгана, тэгэхэд л чамайг амьсгаа авахуулахаар цасан дээр гаргаж хаямз.
Борооны усан хөшигний завсраар гүүрний цаахан талд цагдаагийн байр, цэргийн хуаран үл мэдэгдэм харагдана.
- Хурдлаач! гэж Арам зандран тушаав.
Гэнэт Сэмюэлийн ухамсарт хэн ч түүнтэй ингэж харьцах ёсгүй! гэсэн нэгэн бодол зурсхийн орж ирэв. Тэр Теренийн тухай, төрөл садангийнхаа тухай, Исаакийн эцгийн тухай нэгэнтээ бодлоо. Амь аврах ямар нэг юм хийх ёстой. Тэд өвлийн борооны усанд хахаж сав дүүрэн бялхалзаж шуугин урсах гол дээгүүрх гүүрэнд дөхөж ирлээ. Цааш явахад гучин ярдын зай үлджээ. Ямар нэг юм хийх хэрэгтэй. Юу хийх хэрэгтэй вэ? Зугтах уу? Яаж тэр вэ? Арам зэвсэгтэй, зэвсэггүй байсан ч гэсэн тэр Сэмюэлийг ялаа алахын дайтай, хав хийтэл бариад авна. Тэр эр золгүй Сэмюэлиэс бараг хоёр дахин өндөр, зуу дахин илүү хүчтэй. Тэд гүүрэнд хүрч ирэхэд албаны байрны бүр дэргэд хүрээд ирлээ.
- Алив хурдлаач! гэж Арам архираад Сэмюэлийн гараас нь дугтарч, - Надад ажил их байна гэв.
Тэд хуарангаас хоёрхон алхмын зайд ирэхэд Сэмюэль тэндээс хангинах инээдийг хүртэл сонсчээ. Арам залуугийн гараас нь базан түүнийг чулуун хашаа руу чирэв. Агшин ч алдаж болохгүй. Сэмюэль сул гараа халаасандаа шургуулан, үлдсэн цөөн хэдэн бутархай зоостой хүүдийгээ тэмтрэв. Хурууны үзүүрт хүүдий тэмтрэгдэж, зүрх нь зогсчих шиг боллоо. Халааснаасаа уутаа гарган амыг нь суллаад хөсөр хаялаа. Зоос ч чулуун зам дээр хангир жингэр хангинасаар унав.
Арам гэнэт зогсчихлоо.
- Энэ юу вэ?
- Юу ч бишээ гэж Сэмюэль хэлэв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.08.16 2:30 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Арам залуугийн нүд рүү гөлийн ширтээд нэгэнтээ хамраараа дуугарлаа. Тэр Сэмюэлийн гараас зуурсан чигтээ цааш эргэн газрыг харцаараа тэмтчээд ууттай мөнгийг өлөн нүдээрээ олоод харчих нь тэр.
- Тэнд үнэндээ ч мөнгө хэрэггүй л дээ гэж Арам сургамжлан өгүүлээд хүүдийтэй мөнгийг авахаар тонгойход Сэмюэль ч даган бөхийлөө. Арам урьтан хүүдийг шүүрэв. Гэвч Сэмюэльд хүүдий хэрэггүй. Түүний хуруу хүүдийнээс холгүй хэвтэх чулууг тэмтэрч байв. Сэмюэль нуруугаа тэнийлгээд том чулуу атгасан гараараа Арамын баруун нүдэнд нь байдаг чадлаараа буулгав. Агшин зуур нүд нь цусанд будагдаж, Сэмюэль ч амь зулбахын эрхээр харуулын нүүр рүү дахин хайр найргүй дэлсэв. Хамар ам нь цусан нялга болсноо тэр даруй нүүр нь цусан маск тавьсан мэт болжээ. Арам ганц нүдэт аварга биет мэт хөл дээрээ зогссоор. Сэмюэль айсандаа ухаан нь балартах шахан түүнийг харсан хэдий ч түүнд дахин цохих ч тэнхэл үгүй болжээ. Аварга бие аажмаар газарт үхэтхийн унаж эхлэв. Сэмюэль үхдэл болсон харуулыг хараад бачимдан энэ бүхнийг хийж чадсандаа итгэж ядна. Хуарангаас хангинах дууг сонсоод түүнд үхлийн аюул тун ойрхон буйг мэдэрчээ. Газар дээрээ баригдвал түүнийг юун Силез руу илгээх нь байтугай юм болох бий вий. Тэд түүнийг амьдаар нь арьсыг нь өвчин хотын талбайд бүгдийн нүдэн дээр өлгөх болно. Цагдааг эсэргүүцсэн хэмээн цаазаар авч цээрлүүлнэ. Гэтэл харуул алагдчихаад байдаг! Зугтаа! Хил давахыг оролдож болох авч тэр мөнхөд мөрдөн мөшгөгдөх болно. Ямар нэг гарц байж л таараа! Залуу хүүрийг хараад юу хийх ёстойгоо ойлгон үхдэлийн биеийг нэгжин, хаалганы том түлхүүрийг 'олж авлаа. Ингээд зоригоо хатамжлан чангалаад, Арамын хөлнөөс нь чангаан, голын эрэг рүү чирч эхлэв. Үхдэл эр лав тонн жин дарах даг аа. Шавдуулах мэт хуарангаас хангинах дууг сонсоод Сэмюэль холхон аваачихаар амьсгаадан байдаг хүчээрээ чирсээр голд дөхөж ирлээ. Амьсгаа даран хэдэн агшин зогссоноо хамаг хүчээ шавхан хүүрийг түлхчхээд оволзон шуугих ус рүү өнхрөхийг нь харан хэсэг зогслоо. Гэтэл үхдэлийн нэг гар нь эргийн хушуунд тээглэн зогсох нь түүнээсээ амь тэмцэн зуурах нь хэзээ ч алдахгүй хэмээн .чармайх мэт санагдаад явчхав. Гэвч хүүр хүчит урсгалд алгуур автагдан эргээс холдон холдсоор, хөвсөөр нүдэнд үзэгдэхээ болив. Айх гайхах зэрэгцсэн Сэмюэль эрэг дээр хөдөлгөөнгүй зогссон хэвээр. Дараа нь хүний амь хөнөөсөн чулуугаа аван гол руу шидлээ. Тэгсэн хэдий ч түүнд аюул занал нүүрлэсэн хэвээр. Сэхээ ормогц Сэмюэль гүүр даван хорооны хаалга руу хар эрчээрээ гүйлээ. Ойртон очвол ойр хавьд нь амьдын бараа байсангүй. Салганан чичгэнэсэн гараараа цоожинд түлхүүр шургуулан эргүүлэхэд цоож дуулгавартай гэгч нь бүлт үсрэн онгойлгоо. Хаалгыг угзран татавч тусыг эс олов. Аварга том хаалгыг нээнэ гэдэг ганц хүнд ахадсан хэрэг ажээ. Үүдийг нээхээс өөр ямар ч боломж үгүй. Гэнэт яг тэр мөчид хаа нэгтэйгээс хурсан мэт үл мэдэгдэм хүч амтагдан аварга том хаалгыг татвал цэлийтэл нээгдээд ирэв. Тэр даруй яйжгий муу тэргээ оруулчхаад хаалгыг хааж орхиод, тэргээ түрсээр гэр рүүгээ харайлгав. Тэдний өрөөнд цуглачихсан байсан байрных нь Сэмюэлийг босгон дээр үзэгдмэгц сүнс ирэв үү гэлтэй мэлэрч орхицгоов.
- Тэд чамайг явуулаа юу?
- Ой- ойлгох юм алга гэж эцэг нь ээрэн түгдчээд,
- Бид бодохдоо, чи. ..
Сэмюэль болсон явдлыг тэдэнд яривал тэдний нүүрэн дээрх түгшүүр нь айдсаар солигдоод ирэв.
- Ээ Бурхан минь гэж! гэж Сэмюэлийн эцэг гиншээд,
- Тэд одоо бид бүгдийг дүүжилнэ дээ!
- Хэлснийг минь хийвэл дүүжлэгдэхгүй хэмээн Сэмюэль тэднийг ятгалаа.
Сэмюэль хэдхэн үгээр юу хийхээ хэллээ.
Арван таван минутын дараа Сэмюэль, түүний эцэг, өөр хоёр хөршийн хамт хаалга руу явлаа.
- Нөгөө харуул хүрээд ирвэл яах вэ? гэж Сэмюэлийн эцэг шивнэв.
- Азаа сорих л болох нь дээ. Хэрэв тэр ирчихсэн байвал би аргална гэж Сэмюэль өгүүлээд үүд нээн гадагш гарч хэдийд ч харанхуйгаас гараад ирэх харуулыг хэсэг зуур анав. Сэмюэль цоожинд түлхүүр шургуулаад эргүүлбэл хаалга гаднаасаа тор хийн түгжигдлээ. Мань эр түлхүүрээ сугалан аваад хаалганы зүүн талын хананд ойртов. Хэдхэн агшны дараа хана даган бүдүүн олс могой мэт гулгасаар бууж ирэв. Сэмюэль олсноос зүүгдэхэд эцэг, хөршүүдийн хамт олсыг татан түүнийг хашааны орой дээр гаргалаа. Сэмюэль дээр гармагц муруй хазгай ирмэгт гогцоолдон олсоо унжуулаад хормын төдийд доош буугаад огцом угзран олсоо авав.
- Ээ бурхан минь гэж хэмээн эцэг нь амандаа бөвтнөөд,
- Үүр цайхаар бид яах болж байна? гэв.
Сэмюэль түүнийг хараад,
- Үүр цайхаар үүдийг балбан биднийг гаргахыг шаардах болно гэлээ.
Үүрээр хорооны гадна цэрэг, цагдаа нар хөлхөлдөж, нөөц түлхүүр олж хаалга нээхийг шаардан үүд балбах худалдаачдыг гаргахаар бужигнацгаав. Нөгөө харуул Павел харуулын байраа орхин Краков руу хонохоор явснаа хүлээжээ. Гэвч Арамын алга болсон нь нууц хэвээр үлдэв. Эл болсон явдлаас үүдэн бүх нийтийг хоморголон устгах хядлага үүсч болох байлаа. Гэвч хаалга гаднаасаа түгжээтэй байсан нь цагдаа нарыг бачимдуулна. Хороон дотроо цоожтой байсан еврейчүүд харуулуудыг яаж ч чадахгүй нь мэдээж. Ингээд цагдаа нар Арамыг дурлалт олон эмсийнхээ хэн нэгэнтэй нь зугтан зайлж түлхүүрийг хаа нэгтээ хаясан хэмээн дүгнэв. Сэмюэлийн гэрийн зооринд, газарт гүн булсан түлхүүрийг яаж ч эрээд явцгүй нь мэдээж бөлгөө.
Үдшийн болсон явдалд туйлдаж ядарсан Сэмюэль орондоо ормогц дугхийжээ. Хэн нэг нь мөрнөөс нь хүчтэй угзчин, яг чихэнд нь хашгирахад гүн нойрноос сэрлээ. Түүний тархинд: Тэд Арамын цогцсыг олчхоод намайг баривчлахаар ирж! гэсэн бодол зурсхийн орж ирэв.
Нүдээ нээлээ.
Исаак дэргэд нь зогсоод,
- Болоод явчихсан шүү, хөө! Ханиах нь намдсан! Ид шид гэгч нь болж байх шив! Алив манайд очъё хэмээн Исаак цахиртсан дуугаар хашгирч байлаа.
Исаакийн эцэг өндийгөөд суучихжээ. Халуурах нь гайхал төрүүлэм намдаж, ханиалгах нь нам зогсчээ.
Сэмюэль өвчтөнд дөхөж очвол хөгшин гэнэт, - Би одоо тахианы шөл ч уухаас татгалзахгүй дэг дээ гэх нь тэр.
Сэмюэль тэсгэлгүй уйлчихлаа.
Тэр нэгэн өдөр тэрээр нэгний амийг бүрэлгэж, өөр нэгний амийг аварчээ.
Исаакийн эцгийн эдгэрсэн тухай мэдээ агшин зуурын дотор хороо даяар тархжээ. Үхлээ хүлээгсдийн гэр бүлийнхэн Роффын гэрт цуглан Сэмюэлиэс шидэт тарилганаасаа ганц дуслыг ч гэснээ өгөөч хэмээн гуйцгаав. Залуу тэдний гуйлтыг арай чамай амжин гүйцэтгэнэ. Сэмюэль нэгэн өдөр өнөө ийлдэсний тухай хэдийн сонссон Уал эмчийнд очлоо. Гэвч эмч үл итгэсэн янзтай,
- Би нүдээрээ үзмээр байна гэснээ, - Миний нэг өвчтөнд хэдэн тунг тариадах гэлээ.
Тэдний хэнийг нь ч сонгож болох байтал Уал эмч хамгийн найдваргүй болсон нэгнийг зааж өгсөн байна. Хорин дөрвөн цаг өнгөрөхөд тэр өвчтөн мэдэгдэм илааршиж эхлэв. Уал эмч Сэмюэлийн шөнөжингөө ийлдэс бэлтгэн хушуугаа ч цухуйлгалгүй ажиллах жүчээнд хүрч ирлээ.
- Ийлдэс үйлчилж байна. Чи санасандаа хүрчээ. Хүсэх юм юу байна уу? гэхэд нь Сэмюэль нойргүй хоносон сүүмгэр нүдээр харан ердөө л,
- Дахиад нэг морь гэв.
Ингээд 1868 онд “Рофф ба хөвгүүд”-ийн суурь тавигджээ.
Сэмюэль Теренитэй гэрлэн инжинд нь зургаан морь, туршилтаа хийх сайн тоноглосон лаборатори авчээ. Сэмюэль туршилтаа чандлан нууцалсангүй. Өвс үндсээр эмээ бэлдэж, төдөлгүй хөршүүд нь өвчтэй ар гэрийнхэндээ бэлдмэл авахаар овоорч давчуу жаахан лабораторийг нь өргөчих шахам оволзох болжээ. Сэмюэлийн нэр ч илүү алдаршин цуурайтаж, төлчих мөнгөгүй хэн нэгэнд нь тэр,
- Ав ав, мөнгөнд бүү зов хэмээнэ.
Тэр үүнийгээ Теренид,
- Эмийг баяжихын тулд бус эмчлэхийн тулд бүтээдэг юм гэж тайлбарлаж сууна.
Ажил хэрэг нь ч урагштай өргөжөөд ирэхэд Сэмюэль эхнэртээ,
- Өөрийн эмийн сангаа нээх цаг нь болжээ, зөвхөн жорын эм бэлтгэх биш бэлэн түрхлэг, цацлага бусад эмээ худалдана гэв.
Хувийн эмийн сангаа нээх ажил нь анхнаасаа урагштай болов. Урьд нь түүнд туслахаас татгалзаж байсан баячууд одоо түүнд хөрөнгө оруулж эхэлцгээв.
- Хамтрагч чинь больё. Эмийн сангийн сүлжээ нээе гэцгээнэ.
Сэмюэль эл саналыг Теренитэй хуваалцахад,
- Хамтрагчдад итгэж болохгүй, айж байна. Энэ чинь бидний ажил. Миний мэдлийн юмнаас хар элгийн хүн өчүүхэн төдий хувь хүртэхийг би хүсэхгүй байна гэж хариулсан ажээ.
Терени ч тэдэнтэй үг хэлээ амархан ололцжээ. Ажил хэрэг нь урагштай болох бүрийд эмийн сан нээгдэх тэр бүрийд түүнд нэлээдгүй мөнгийг санал болгох авч Сэмюэль хамтран тэдэнтэй ажиллахаас эрс татгалзсан хэвээр байв.
Энэ тухай хадам эцэг нь Сэмюэлиэс асуухад нь,
- Өлөн үнэгийг тахианы чингэлэгт хийж болохгүй. Өлсөж үхэхийг нь хүлээнэ гэв.
Сэмюэлийн хөрөнгө чинээ, гэр бүл ч өслөө. Терени түүнд: Авраам, Жозеф, Ян, Антон, Питер гэсэн тавын таван хөвгүүн төрүүлж өгчээ, хүүхдүүдээ төрмөгц Сэмюэль урьд урьдынхаасаа илүү том эмийн сан нээв. Тэрээр эхлээд нэг туслах хөлслөн авснаа, дараа нь хоёрыг, удалгүй хорин туслахтай болжээ.
Нэгэн удаа Сэмюэлийнд албан ёсны засгийн төлөөлөгч хүрэлцэн иржээ.
- Еврейчүүдийн зарим нэг эрхийг хязгаарлахыг зогсоох тухай тогтоол гарсан гэж мэдэгдсэнээ, - Бид таныг Краковт эмийн сангаа нээхийг хүсч байна гэв.
Сэмюэль юуг ч мартсангүй, бүгдийг хийжээ. Гурван жилийн дараа тэрээр Краковын төвд хувийн эмийн сангийн байртай болж, харин Терени сайхан орон сууц худалдан авч өгөв. Ийнхүү Краковын еврейн хорооноос ангижрах гэсэн Сэмюэлийн хүсэл биелжээ.
Гэвч эр хүний дотор ... багтана гэгчээр түүний санаа нь Краковоос тэртээ алсыг зорих болжээ.
Үр хүүхэд нь өсч өндийж Сэмюэль тэдэнд гадаад хэл заалгах багш хөлсөлж авав.
- Чи лав галзуурсан байхаа хэмээн эхнэр нь хэлээд,
- Манайх айл хөршийнхнөө элэг доог болж байх шив. Бид Авраам, Ян хоёр англи, Жозеф немц, Антон франц, Питерт итали хэл үзүүлээд эд нар хэнтэйгээ ярих болж байна аа? Манай энд энэ хараал идсэн хэлийг нь мэдэх хүн байхгүй дээ. Хөвгүүд тэр ч бүү хэл хоорондоо ярьж чадахаа болих нь шив хэмээн яншихад Сэмюэль хариуд нь зөвхөн инээмсэглээд,
- Энэ тэдний боловсролын өчүүхэн хэсэг гэв.
Хүүхдүүд нь хэнтэй ярихыг Сэмюэль сайн мэдэж байв. Тэднийг арван таван нас хүрмэгц тэд эцгийгээ даган олон орноор явах болжээ. Сэмюэль ийнхүү явахдаа ирээдүйн байлдан дагуулах түшиц газраа бэлдэж байв. Хүү Авраам хорин нэгэн нас хүрмэгц Сэмюэль гэр бүлийнхнээ цуглуулаад,
- Авраам Америкт амьдарна гэжээ.
- Америкт ий! хэмээн Теренигийн эх уулга алдаад,
- Зэрлэгүүдийн хотод уу! Би зээ хүүгээ явуулахгүй ээ. Хүү аюул заналхийлэлд өртөхгүй тэр газарт амьдрах болно гэв.
Аюул заналхийлэхгүй гэнэ ээ! Сэмюэль хороонд болсон хядлага, эхийнхээ үхэл, Арамын тухай эргэн дурсав.
- Тэр хилийн чанадад явнаа гэснээ Авраамд хандаж,
- Нью- Йоркод эмийн сан нээгээд, тэндхийн ажил хэргийг удирдах болно гэхэд нь,
- Тэгье, аав аа гэж Авраам омог бардам хариулав.
Сэмюэль дараа нь Жозеф руу эргэн, - Чи хорин нэгэн нас хүрэхээрээ Берлин явна гэхэд нь Жозеф зөвшөөрөн толгой дохив.
- Би бол Франц орно. Парижид очно хэмээн бодож байна гэж Антон өгүүлэв:
- Алмайрч ангайгаад амаа хамхихаа мартчихав даа хэмээн Сэмюэль бөвтнөөд, - Тэндхийнхэн цэвэрхэн, сайхан нь дэндүү дээ гэснээ Ян тийш эргэн, - Харин чи Англи руу явнаа гэлээ.
Хамгийн бага Питер нь тэсэлгүй,
- Харин би Итали явна, тиймээ, аав аа. Намайг хэзээ явуулах вэ? гэхэд нь Сэмюэль инээмсэглээд,
- Хожим явамз. Хүлээзнэ дээ хүү минь, хорин нэгэн нас хүрмэгц явуулна гэжээ.
Бүх юм түүний хэлснээр болж, шинэ үйлдвэр барих, удирдах ажилтан шилж авахад тэр бүрд Сэмюэль биечлэн оролцож байв. Долоон жилийн дотор Роффынхон тавиад улсад салбараа нээж, их эзэнт гүрнийхээ ноёрхлоо тогтоож чаджээ. Сэмюэль аль ч улс гүрэн дэх компани бие даасан субъект болон хариуцлага хүлээж өмгөөлөгч хөлслөн авчээ.
- Хөндлөнгийн ямар ч хүнгүй хэмээн Сэмюэль урьдын адил улиглан өмгөөлөгчиддөө сануулаад,
- Акци үргэлж гэр бүлийнх байх болно гэхэд нь,
- Хойшид ч тэр хэвээр үлдэнэ гэж өмгөөлөгч түүнд батлан өгүүлээд, - Гэвч Сэмюэль ээ, хэрэв таны хөвгүүдэд акци худалдахыг зөвшөөрөхгүй байвал тэд юугаараа амь зуух билээ?Та тэднийг гуйлгачин болгох гээгүй биз дээ? гэв. Сэмюэль үүнийг зөвшин толгой дохиод,
- Тэд нар сайхан байр, өндөр цалин, тусгай хэрэглээний нээлттэй данс эзэмшинэ. Үлдсэн нь ажил хэрэгтээ зарцуулагдах болно. Хэрэв акци зарах хүсэл байвал үүнийг санал нэгтэй зөвшөөрсөн байх ёстой. Акцийн хяналтын багц миний том хүү, түүний өв залгамжлагчийн мэдэлд байна. Бид Ротшильдээс илүү өргөжих болно гэжээ.
Сэмюэлийн зөн билэг ч биелж ажил хэрэг нь өргөжин, цэцэглэж эхлэв. Үр хөвгүүд нь хорвоогоор нэг тарсан хэдий ч Сэмюэль, Терени хоёр тэднийг ах дүүсэг байлгах гэхдээ боломжтой бүгдийг хийнэ. Баяр наадам, төрсөн өдрөөрөө хөвгүүд нь үргэлж гэртээ ирнэ. Гэвч энэхүү айлчлалын цаана нэгэн нууц учиг бий. Ах дүүс, эцгийнхээ хамт өрөөгөө дотроосоо цоожилж аваад фирмийн ажил хэргээ хэлэлцээд суучихдаг байлаа. Тэд жинхэнэ эдийн засгийн тагнуулын үүргийг гүйцэтгэж, хэн нэг нь шинэ эмийн тухай сураг ажиг сонсвол ах дүүс рүүгээ элч илгээж тэд нар нь тэр даруй эл эмийг үйлдвэрлэж гардаг байв. Ийнхүү тэдний фирм бусад өрсөлдөгчдөө тэргүүлж байлаа.
Хилийн чанадад амьдрах хөвгүүд нь бүгд гэрлэцгээн Сэмюэльд ач үрсийг нь бэлэглэжээ. 1891 онд Америк явахдаа Авраам хорин нэгэн настай байсан бол долоон жилийн дараа тэрээр америк бүсгүйтэй гэрлэж, 1905 онд анхны ач хүү Сэмийг нь төрүүлжээ. Жозеф хүү немц бүсгүйтэй гэрлэн, эхнэр нь хүү, охин хоёр төрүүлэв. Жозефийн хүү нь Анна нэртэй охин төрүүлж, Анна охин Вальтер Гасснер гэгч герман эртэй гэрлэжээ. Франц явсан Антон нутгийн нэгэн бүсгүйтэй гэрлэж хоёр хүүтэй болсны нэг хүү нь амиа хорлож, нөгөө нь гэрлэн Элена охинтой болжээ. Ян Лондонд амьдарсаар англи бүсгүйтэй гэрлэн цорын ганц охин төрүүлсэн нь Николз баронтой гэрлэж, Алек гэгч хөвгүүн төрүүлэв. Питер Римд Итали бүсгүйтэй гэрлэж, тэднийх хүү охин хоёртой болж, тэдний хүү гэрлэн Симонетта охин төрүүлж, охин Симонетта нь архитектор эр Иво Палаццид дурлан ханилсан ажгуу.
Сэмюэль, Теренийн үр удам ийнхүү салаалан үржжээ.
Сэмюэль Марконы утасгүй телефон, ах дүү Райтууд Китти Хоуктай агаарт ниссэн, Дрейфусын хэрэг дэлхий дахинаа цуурайтсан, адмирал Пири Хойд мөсөн далай хүрсэн, Фордын “Т загвар”- ын үйлдвэрлэл эхэлсэн, бүх дэлхий цахилгаан чийдэнгээр дэнлүү юугаан сольж, энд тэндгүй телефон утас хангинасан, анагаах ухаанд сүрьеэ, хижиг, хумхаагийн нян илэрч, устгагдаж гэхчлэн дэлхий дахинаа зүсэн зүйлийн өөрчлөлт гарсан тэр цаг үе хүртэл амьдарчээ.
“Рофф ба хөвгүүд” хагас зууны турш оршин тогтохдоо дэлхий дахиныг бүрхсэн аварга хүчит корпорац болон хувирчээ.
Сэмюэль өөрийн хатангир, дорой, адасга Лоттагийнхаа хүчээр их эзэнт гүрний удирдагч болж чадсан ажгуу.
Элизабет Номоо тав дахин уншчихаад нэг мэдэхэд толины өмнө ирээд хуучин янзаараа зогсчихсон байв. Ном өөрийн хэргээ бүтээжээ. Элизабет өнгөрсөн үеийнхээ, өнгөрсөн үе нь түүний нэгэн хэсэг болохыг мэдэрчээ.
Тэрээр амьдралдаа анх удаа хаанаас гаралтай, хэн болохоо ойлгосон нь энэ буй заа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Feb.09.16 12:11 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
хөөх самован ёстой гялалзуулсан байна шүү, даанч ажилд явах цаг болчихлоо, ирж байгаад тухтай уншинаа. Хамгийн сомирхолтой номнуудыг оруулдагт талархдаг шү


Top
   
PostPosted: Feb.09.16 12:13 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 726
Хальт гүйлгэж харлаа, нээх олон хамаатай хүмүүс гарч ирээд аль алиных нь хүүхэд болохыг ойлгохгүй байсийн. одоо л учрыг нь олох бололтой


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 151 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited