#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.30.17 8:26 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 161 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Oct.03.15 12:15 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
II дэвтэр

Дөрөвдүгээр бүлэг

Шүтээн

Гажууд, жигшмээр, тэвчих аргагүй бүхнийг хүлээн ав. Тэгвэл зовлон шаналал үл мэдэрнэ.

Таатай, хүсэл татсан, ёсонд нийцсэн бүхнээс татгалз. Тэгвэл зовлон шаналлаас өөр юу ч үл мэдэрнэ.

Нэг нь баталгаажуулна, нэг нь няцаана.
Хоёр зүрхний хооронд хөндий нүх оршино.
Хоёр бодлын хооронд хоосрол оршино.
Хоёр мөн чанарын хооронд би оршино.

Шүтээн I

-Хүүш ээ, чи 3-р давхрын ганцаарчилсан өрөөний өвчтөний тухай дуулсан л биз дээ?
-Өдийд сонсоогүй хэн байх билээ? Өчигдрөөс хойш амтай болгон тэр талаар чинь л ярьж байна. Бүр хувиралгүйгээрээ алдартай Ашика эмч хүртэл тэр охиныг гэнэт ухаан орсоноос болоод гайхсан царай гаргасан гэнэ лээ. Би чихэндээ итгээгүй шүү.
-Үгүй дээ, би тэрний дараа болсон явдлын талаар ярьж байна. Өвчтөн комоос сэрэнгүүтээ яасан гэж бодож байна? Цочирдож янз бүр болов оо. Тэр нүдээ сохлохыг оролдсон гэсэн.
-Больж үз. Худлаа яриад л.
-Үнээн. Ашика эмч энэ талаар нууцлахыг байдгаараа хичээж байгаа. Гэхдээ би энэ талаар дагалдангаас нь сонссон юм чинь үнэн л байж таарна. Тэр Ашика эмчийн нүдийг хариулж байгаад гарынхаа алгаар нүдэн дээрээ чангаар дарсан бололтой. Бараг 3 хором болсон гэсэн. Аймаар хэрэг шүү.
-Гэхдээ тэр охин 2 жил комд байсан болохоор хөдлөх чадваргүй байх ёстой биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ ер нь бол бид охины бие үхжиж, хөшихөөс сэргийлэхийн тулд өдөр болгон гар хөлийг нь хөдөлгөж, дасгал хийлгэдэг байсан юм. Гэрийнхэн нь зөвхөн үүний төлөө гэхэд л эмнэлэгт уул овоо шиг их мөнгө төлсөн. Гэхдээ л тэглээ гээд хөшингө болохоос бүрэн сэргийлж чадахгүй юм хойно түүнд хөдлөхөд хэцүү байгаа. Магадгүй тэгээд л нүдээ сохолж хүчрээгүй байх.
-Тэгсэн ч гэсэн 2 жил орноосоо өндийгөөгүй хүн хөдөлнө гэдэг ховор хэрэг. Нүдээ сохлох тухайд бүр дурсаад ч хэрэггүй.
-Тэгээд л Ашика эмч гайхсан байхгүй юу. Нээрэн нүдний судаснаас цус алдах өвчнийг юу гэдэг билээ?
-Нүдэнд цус хурах байх аа. Охин бас тийм өвчтэй л гэж битгий хэлээрэй дээ.
-Мэдэж байх шив. Уг нь цус хуралт аяндаа эдгэх ёстой л доо. Даанч нүдэндээ хүнд гэмтэл авснаас болж тэр түр зууртаа сохорсон. Өвчтөн зүгээр л нүдээ боолгочихъё гэсэн болохоор тэд хүссэнээр нь хийсэн гэж дагалдан ярьж байна лээ.
-Харамсалтай юм. Ухаан орчихсон хэрнээ бас л харж чадахгүй нь. Сэтгэл өвдчихлөө байна.
-Харин тийм, тэгж байгаа биз? Дээрээс нь бас афази /ярих чадвараа алдах/ байна. Хөөрхий амьтан ярьж чадахгүй байгаа бололтой юм. Алая эмч сарын өмнө яваад өгсөн болохоор мэдрэлийн эмч байдаггүй. Гэхдээ би Ашика эмч нэг танилаа дуудсан гэж дуулсан. Одоогийн байдлаар өвчтөний сэтгэл санаа тогтворжтол эмнэлгийн зүгээс хатуу шаардлага тавьж, эргэлт оруулж болохгүй гэсэн болохоор эцэг эх нь хүртэл түүнтэй маш бага хугацаагаар уулзаж байгаа.
-Тийм юм бий. Энэ ч манай жаалхүүд муу хэрэг болж дээ.
-Юу? Ямар жаалхүү?
-Хүүе, чи мэддэггүй юм уу? Яагаав, нэг жаал байдаг шүү дээ. Юу л даа, одоо бол нас энэ тэрээс нь болоод жаахан гэж болохгүй байх. Тэр анх охиныг энд авчирсан юм. Одоо ч гэсэн бямба гариг болгон эргэж ирдэг. Би түүнийг охинтой дахин уулзаасай гэж боддог юм.
-Аан, чи хүн болгоны хоч өгөөд байсан тэр хүүг хэлж байжээ. Би түүнийг ирдэг хэвээрээ гэж мэдээгүй юм байна. Одоо үед ийм үнэнч зан ховор болсон шүү, тийм ээ?
-Тийм шүү. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд түүн дээр ирдэг ганц хүн нь тэр жаал л байсан. Гэрийхнээс нь ч олон ирсэн. Би бүр охины эдгэрсэн энэ гайхамшигт тохиолдол нь нэг талаараа түүнтэй холбоотой байх гэж итгэдэг болчихоод байгаа.
-Хөөх, би чамайг ийм уян сэтгэлтэй гэж огт мэдээгүй юм байх чинь вэ.
-Зүгээр дээ. Би өөрөө ч мэдээгүй байсан юм.


Last edited by zolushka_717 on Oct.03.15 12:15 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Oct.06.15 2:13 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
1.

Дээр, дооргүй харанхуй. Ийм эль хуль, амьгүй газар ганц л зүйлийг илэрхийлнэ. Би үхжээ. Риоги Шики би биеэ халхалчих өөдсийн чинээ даавуу ч үгүй хөвж явснаа ёроолгүй, харанхуй далайн гүн рүү аажмаар живж эхлэв. Эцэс төгсгөл нь үл харагдана.
Нүдэнд өртөх юу ч байсангүй. Гэрэл ч үгүй бөгөөд бүр харанхуй ч үгүй байж мэдэх юм. Бүхий л утга учир төгсөх хоосон газар агаад үгээр илэрхийлэх аргагүй бүүдийж дүнсийсэн ангал ажээ. Үгээр илэрхийлж болохгүй учраас зүгээр л " " гээд нэрлэчихье.
Би " "-н гүн рүү улам доошлов. Миний нүцгэн бие аажмаар булшны чулуу шиг зэвхий дааж, харахаас нүд хальтирлаа. Гэсэн ч энэ газарт бүх юм нэгэн ижил болдогийг би ухамсарлаж байв.
-Үхэл гэж энэ үү? хэмээн би шивнэлээ. Хоолой минь дэндүү бүдэг дуулдсан тул үнэхээр ярьсан эсэхдээ өөрөө ч эргэлзэв.
" " дотор цаг хугацаа хүртэл утгаа алдсан хэдий ч би мэдэрнэ. Хязгааргүйн гүн рүү ул мөргүй хөврөн, сарнин алга болохтой адил байлаа. Энэ газар бол үхлийн дараахи ертөнц ажээ.
Би улам гүн рүү нь шумбан, улам алсад хараа бэлчээсэн ч, энэ ертөнц хов хоосон бөгөөд надаас өөр юу ч үгүй аж. Гэвч нам гүм, амарлингуй. Утга учир үгүй болсон энэ газар, миний оршин байсантай зохицсон ч юм шиг. Энэ бол амьд хүн барааг нь ч харж үл чадах, зөвхөн үхэгсэд л нэвтэрч болох газар бөгөөд бүхний төгсгөл буюу энтропи энд оршин байлаа.
Би үхсэн. Гэтэл амьд байсаар л. Эрүүл ухаан минь үгүй болох дөхжээ.
Хоёр жил нүд ирмэхийн зуур энэхүү үхлийн дараахи ертөнц болж хувирсан бөгөөд хоёулаа миний " "-д өнгөрөөсөн нарийвчилсан хугацаа мөн юм.
Энд би үхэлтэй тулж, амьдралынхаа төлөө тэмцэж, бас сэрсэн билээ.

Цонхоор сэвэлзэх хөнгөн салхи, өрөөний минь гадна зогсолтгүй үргэлжлэх үйл хөдөлгөөн, дуу чимээ оюун бодлыг минь үймүүлэн сэрээлээ. Хонгилд сувилагч, өвчтөнгүүд бужигналдах нь дуулдана. Тэдний хөлийн чимээ, аяархан шивнээ нь нийлэн намуухан дүнгэнээ болсон бөгөөд өглөө эртийн цагт эмнэлэгт үргэлж л ийм байна. Урд шөнө тун ч нам гүм байсантай зэрэгцүүлж үзвэл энэ бүхэн ямар нэгэн хурал цуглаан, тэр тусмаа нэлээд дуу шуутай хурал болж буй мэт сонсогдож байв. Би чив чимээгүйд сэрэх дуртай. Аз болж ганцаарчилсан өрөөнийхөө буйдхан хэсэгт би бүр ч долоон дор чимээ шуугианаас алслагдаж байлаа.
Удалгүй эмч намайг үзэхээр ирэв.
-Өнөөдөр ямархуу байна даа, Риоги-сан?
Ямар ч чимээ амиа гарсангүй. Эмч арга мухардан, хэсэг хугацаанд бид хоёул дуугарсангүй.
-Ойлгомжтой. Гэхдээ ядаж л урд шөнийнхөөс тайвширсан бололтой. Харамсалтай нь түрүүчийн удаа боломж олдоогүй болохоор биеийн байдлын чинь талаар одоо тайлбарлаж өгье. Буруу зөрүү санагдсан юм байвал чөлөөтэй хэлж болно шүү.
Надад түүнийг анхаарах сонирхол өчүүхэн төдий ч байгаагүй боловч тэр миний ямар нэг хариулт өгөхгүй байгааг зөвшөөрсөнд тооцсон бололтой байх тул яах ч аргагүй болов.
-Тэгэхээр шуудхан ярья. Өнөөдөр 1998 оны 6-р сарын 14. Хоёр жилийн өмнө 3-р сарын 5-ны шөнө чи машины осолд орж, явган хүний гарцан дээр машинд дайруулсан. Тэгээд чи энэ эмнэлэгт хүргүүлж ирсэн. Миний хэлснээс санаж байгаа юм байна уу?
Дахиад л нам гүм. Миний санаж байгаа сүүлийн зүйл бол нэг хүн... магадгүй ангийн хүүхэд байж мэднэ, бороонд хөдөлгөөнгүй зогсож байсан явдал. Ослын тухайд бол санаанд юу ч байсангүй.
-Гэхдээ санахгүй байна гээд зовох хэрэггүй шүү. Ослын үеэр чи машиныг анзаарч, замаас холдон зайлахыг оролдсон бололтой юм. Тэгээд л бие чинь ноцтой бэртээгүй хэрэг. Гэвч толгойгоо маш хүчтэй цохиж. Энд авчрах үед чи хэдийн комд орсон байсан ч, тархинд чинь гэмтэл учраагүй бололтой. Гэхдээ 2 жил комд байсан болохоор сэтгэл зүйн хувьд гүйцэд илааршаагүй байж мэдэх юм. Өнгөрснөө эргэн санах үгүйг чинь би баттай хэлж мэдэхгүй ч, урд шөнө тархины цахилгаан бичлэг хийхэд ямар ч хэвийн бус зүйл илрээгүй болохоор зүгээр болчих болов уу. За юутай ч, чиний комоос ухаан орсон явдал бол өөрөө гайхамшиг юм. Хоёр жил өнгөрсний дараа боломж тун багасдаг юм шүү дээ.
Тэр намайг хэр удаан комд байсныг минь ойлгуулж чадсан ч надад ямар ч утгагүй санагдаж байлаа. Миний хувьд тэр хоосрол дагуулсан бороотой шөнө дөнгөж өчигдөр л тохиосон билээ.
-Хэрэв мэдмээр байгаа бол хэмээн эмч үргэлжлүүлэн:
-Нүд чинь бараг зүгээр гэж болно. Мохоо зүйлээр гэмтээсэн болохоор тиймэрхүү шарх нүдийг барагтай бол сохолдоггүй юм. Урд шөнө ямар нэг үзүүртэй зүйл ойр хавьд байгаагүй нь азтай хэрэг. Ойролцоогоор 7 хоногийн дараа бид боолтыг чинь тайлж, чи ертөнцийн гоо үзэсгэлэнг дахин тольдож болно гэхэд нь энэ удаад түүний яриа үл ялиг зэмлэсэн шинжтэй байгааг би мэдэрсэн тул нүдээ сохлох гэсэн бяцхан оролдлого минь түүнийг нэлээд зовоосон бололтой гэж таамаглав. Тэр намайг яагаад тийм зүйл хийсэн талаар өчигдөр тун ч шургуу шалгаасан ба би бас л хариулж чадаагүй юм. Тэд намайг галзуу гэж бодно шүү дээ.
-Чи сэргээх эмчилгээнд хамрагдана. Өглөө нэг, өдөр нэг. Эргэлтийн тухайд чиний бие махбод, сэтгэл санаа хэвэндээ орох хүртэл бид хязгаарлаж, өдөрт нэг цагийн хугацаа олгохоор болсон. Хэсэгтээ тэвчих хэрэгтэй болох нь дээ. Тэгээд эмчилгээгээ дуусмагц чи гарч болно гэж хэлээд хамаг уур амьсгалыг эвдээд хаячих шиг л болов. Гэхдээ анхнаасаа ямар ч уур амьсгал байгаагүй л дээ. Ийм эрт увайгүй оролдлогынхоо талаар ярьж зүрхлээгүй тул би үүнийхээ оронд баруун гараа хөдөлгөж, хэр байгааг нь шалгаж үзэв. Огт дээрдээгүй байлаа. Ингэж гараа хөдөлгөхийн тулд нэлээд хэдэн хором зарцуулсан бөгөөд гар минь шархиран зүдүүртэйгээр хөдөлж эхлэхэд булчин шөрмөснүүд нь сунан тэнийх нь надад мэдрэгдэж байв. Бараг л хүний гар болчихсон юм шиг санагдав. Бүтэн хоёр жил ашиглаагүй болохоор ингэх нь зүйн хэрэг байх л даа.
-За за, өнөө өглөөний хувьд ингээд боллоо. Чи хамаагүй тайвширсан юм шиг байна. Тэгэхээр бүхэл өдөржин сувилагчаар сахиулах шаардлагагүй бололтой. Ном, ус гээд л ямар нэг юм хэрэгтэй бол дэрнийхээ хажуу талын товчлуурыг дараарай. Үүдний хонгилд дөнгөж гараад сувилагчийн бүхээг байдаг юм гэж эмч өвчтөнүүдийг тайвшруулах зорилгоор урьдчилан сургуулилдаг найрсаг үгсийг хэллээ. Нүд минь зүгээр байсан бол би түүний шөнийн турш угаалгын өрөөний толинд харж сургуулилдаг инээмсэглэлийг нь ч олж үзэх байсан биз ээ. Түүний хаалга нээх нь дуулдсан боловч нэг юм хэлэхээр түр зогслоо.
-Аа нээрэн, яг мартах гэж байна. Хэл ярианы тал дээр чи маргаашнаас эхлээд өөр эмчтэй болно. Тэр чамтай арай ойролцоо насных болохоор жаахан ...зөөлөн байхыг хичээгээрэй дээ. Миний харж байгаагаар бол чамд мэргэжилтэн хэрэгтэй байна.

Эмчийг явсны дараа би дахин ганцаараа үлдэж, орон дээрээ тарайн хэвтээд өөрөө боолгохыг хүссэн нүдэн дээрээ гараа тавив.
-Миний нэрийг... гэж би омголтож, хуурайшсан, арайхан ярьж дадаагүй уруулаараа шивнээд:
-Риоги Шики гэдэг гэж хэлэв. Өмнө байсан Шики мөн үү? Үгүй байж мэдэх юм. Хоёр жилийн хоосрол дунд тэр үхчихсэн байж магад. Харин Риоги Шики гэдэг нэртэй нэгэн хүний дурсамжууд миний толгойд оршин, намайг чангаан угзчина. Тэгээд юу гэж? Үхээд сэхсэн хүнд энэ ямар хэрэгтэй гэж?
Надад өнгөрсөнд байсан өөртэйгээ ямар ч ...холбоогүй мэт санагдана. Би бол би мөн гэдэг нь алдаагүй хэрнэ толгой доторхи ой дурсамж минь минийх гэж үл мэдрэгдэнэ. Яг л Риоги Шикигийн гол дүрд нь тоглосон намтарчилсан кино үзэж байгаа мэт. Ямар нэг хачин сүнсний дүрсийг миний оронд бичээд авчихсан юм шиг.
Би сэрүүн байгаа гэдэгтээ итгэх хүртлээ уруулаа хазав. Энэ л миний одоо, энд байна гэдэгтээ итгэлтэй болох ганц арга байлаа. Би бол цээж хавийнх нь нэг хэсэг алга болчихсон эвлүүлдэг тоглоом бөгөөд тэр нүхнээс болоод дотор минь нэвт салхилах агуй мэт хоосон санагдана. Миний амьдрах шалтгаан алга болжээ.
-Тэгээд юу гэж? Чөтгөр алгад, ямар хамаатай юм? хэмээн би аль чадахаараа итгэлтэйгээр өөртөө хандан бувтналаа. Ингэж хэлмэгц миний зовлон хөнгөрчих шиг санагдав. Хачирхалтай нь цээжнээс минь чангаан малтах энэ түгшүүр, бухимдал нэг талаараа надад аятайхан байлаа. Зовнил, шаналал ч бас бий ч энэ нь 16 настай Шикигийн мэдрэмж билээ.
Миний хувьд гэвэл сэтгэл хөдлөөд байх зүйл байсангүй. Би яагаад амьд байгаагаа мэдэхгүй. Тэртээ тэргүй амьд гэж санагдахгүй байгаа болохоор учрыг нь мэдье ч гэж бодсонгүй. Зүгээр л одоо, энд байж таарсан салхинд туугдсан оршихуй төдий.


Last edited by zolushka_717 on Oct.06.15 2:13 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.16.15 6:47 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
2.

Миний нарны гэрэл харах үгүйгээс үл хамааран, өглөөнөөс шөнө болж, шөнө дахин өглөө болж, шинэ өдөр ирлээ. Хараагүй болчихсон байж өглөө айлчлан ирэхээр сэтгэл минь уужирах нь хачирхалтай аж. Гэтэл сувилагч өглөөний үзлэг хийхээр ирсэн тул бодол минь тасалдаж, дотор уужирсан шалтгаан нууц хэвээрээ үлдэв. Нэг л мэдэхэд тэр ажлаа дуусч, би дахин ганцаар үлдсэн байсан ч өдөр үүгээр дуусчихсангүй. Ээж, ах хоёр над дээр ирэв. Эд надад яг л танихгүй хүмүүс шиг санагдах ба миний төрөл садан гэдэг үнэнтэй би эвлэрч чадахгүй байлаа. Гэвч надад сонголт үгүй тул би өөрийн санаж байгаа Шикигийн байр байдлаар яаж ийгээд хэдэн үг бувтнасан ба ингэснээр ээж баярлаж, ах сэтгэл хангалуун үлдэх шиг болов. Энэ бүхэн эгээ л бид зохиолын дагуу өөрсдийнхөө дүрд тоглож буй зурагт номтой адил санагдана.

Үд өнгөрөх үеэр хаалга онгойн, хэн нэгэн өрөөнд орж ирэх нь дуулдав. Гутлынх нь товшлох чимээг сонссон даруйдаа би миний таньдаг хүн биш болохыг нь мэдээд, өнөөдрөөс шинэ эмчтэй болох тухайгаа санан асуух гэтэл шинэхэн зочин надаас урьтан:
-Сайн уу? Өнөөдөр дажгүй юу? гэж хэзээ язааны танил мэт мэндлэх нь тэр. Хоолойг нь сонсвол эмэгтэй хүн ажээ.
-Юу гээч, би чамайг нэг үзээрийн амьтан байгаа байх гэж бодож байсан шүү. Гэтэл хараач ээ. Арьс чинь ямар гоё юм бэ. Хоёулаа хэл амаа ололцож чадах нь бололтой дог оо. Би ч азтай юм аа хэмээн шинэ хүн дуржигнууллаа. Хоолой нь залуу хүнийх шиг дуулдав. Магадгүй 20 гарч яваа бөгөөд нэг өндөрсөж, нэг намссан дэндүү баясгалантай дуутай аж. Би түүнийг миний орны хажуугийн сандал руу хүрч очоод суухыг нь сонсов.
-Чамтай танилцсандаа баяртай байна. Би эндхийн эмч биш болохоор надад биеийн байцаалт алга. Гэхдээ тэртээ тэргүй нүд мүд чинь боолттой юм чинь энэ тийм сүртэй асуудал биш гэж бодож байна. Би хэл яриа засах мэдрэлийн эмч байгаа юм. Чи афазитай болохоор...
-Афази гэнэ ээ? Хэн? Би юу? Өршөөгөөрэй, та намайг өөр хүнтэй андуураад байх шиг байна гэж би эцэст нь нэг юм ам нээлээ. Надад зугаацчихаж болмоор хүн шиг санагдсан болохоор би яриаг нь тасалсан ч тэр огт гайхсан шинжгүй ердөө л “Мхмм” гэх нь тэр. Магадгүй бас толгой дохьсон байх.
-Жирийн үед бол би уурлах байсан л даа. Гэхдээ чиний афази буруу оношилгоо болохыг мэдэж байсан учраас энэ удаад ингээд өнгөрөөчихье. Ашика зөвхөн номонд бичсэнийг ягштал баримталдаг эмч болохоор чинийх шиг онцгой тохиолдлын учрыг олж чадахгүй. Гэхдээ байна аа, ганц үүнд хамаг бурууг чихэх аргагүй. Ингээд амандаа ус балгачихсан юм шиг байхаар чинь хэн ч гэсэн тэгж бодох нь ойлгомжтой шүү дээ гээд тэр нөхөрсөг, сэтгэл хангалуун инээд алдав. Яагаад ч юм би тэрнийг нүдний шил зүүснээр төсөөлөв. Зүгээр л тийм хүн шиг санагдсан болохоор тэр л дээ.
-Тэгэхээр тэд намайг афазитай гэж бодож байгаа байх нь ээ?
-Тийм. Эцсийн эцэст ослын үеэр чи толгойдоо цохиулсан нь үнэн шүү дээ. Тэгээд л тархин дахь хэл ярианы чинь үйл ажиллагаа гэмтэж гэж тэд бодсон байж таараа. Гэхдээ тэгээгүй, тийм биз? Чи ердөө л жижиг сажиг асуудалтай нэг зөрүүд охин. За тэр ч яахав, одоо миний хэрэг байхгүй болчих шиг боллоо. Гэхдээ би ажилд ороод ганцхан хувийн дараа халагдчихмааргүй байдаг. Тэгээд ч миний нөгөө ажил дээр үйлчлүүлэгч шавчихаагүй байгаа болохоор чамд хань болдог юм уу гэж бодлоо л доо.
Гэвч ганцхан хувь ажиллах хугацаандаа тэр арай гэж тэвчим, ядаргаатай хүн гэдгээ нотлоод амжчихсан байв. Би сувилагч дуудахаар товчлуур луу сарвайтал эмч надаас өрсөх нь тэр. Би түүний гар товчлууранд түрүүлж хүрэн, тун ч шалмагаар миний хүрэхгүй газар луу шилжүүлэхийг мэдрэв.
-Яаж байна аа, та чинь? гэж би эгдүүцэв.
-Ёох, дөхлөө шүү. Ашикаг дуудчихвал тоглоом дуусаа л гэсэн үг. Алив ээ, хоёулаа нэг тохиролцоо хийе. Чи афазитай дүр үзүүл, харин би чамаас элдэв тэнэг асуулт шалгаахгүй. Тэд өөр эмч дуудах шаардлагагүй, харин би жаахан мөнгө хийгээд авъя. Ингэвэл хоёуланд маань л ашигтай. Юу гэж бодож байна?
Юу л даа, энэ бол сайхан санал гэдгийг би үнэндээ зөвшөөрч байсан ч, зарим талаараа гарцаагүй хууль бус хэрэг байлаа. Гэсэн ч би ийм юмыг өчүүхэн ч эргэлзэлгүй зоригтой гэгч нь дуугарч чаддаг сайх эмэгтэйг чухам ямар гээч хүн бэ гэж гайхав. Би түүн рүү эгц харж байгаа гэж найдан, боолттой нүдээ хоолой гарах зүг рүү чиглүүлээд:
-Чи жинхэнэ эмч биш, тийм биз? гэж асуув.
-Эхний оролдлогоороо л таачихлаа шүү. Би ...шид маягийн юмсаар оролддог юм.
Бурхан минь гэж, галзуу юм байна.
-Надад дуураймал жүжигчин хэрэггүй гэж би хэлэхэд тэр часхийн хөхөрч:
-Хэрэггүй байж мэдэх л юм. Эцсийн эцэст сэтгэл дэхь хоосон нүхийг чинь шидтэн дүүргэж чадахгүй. Жирийн хүн л тэгж чадахаас хойш гэх нь тэр.
-Хү...хүлээгээрэй, чи сая юу гэсэн бэ?
-Анзаарсан юм бий вий. Хар л даа, чи одоо гав ганцаараа болсон.
Түүнийг ингэж хэлэхэд анх хөгжилтэй өнгө аястай санагдаж байсан хоолой нь заналхийлж байгаа мэт дуулдав. Үүний дараа тэр инээдээ барьж ядан шуухитнаад босч, хаалга чиглэн өрөөн дундуур алхлах нь сонсогдлоо.
-Өнөөдөр чамд ярих сонирхол үгүй бололтой. Одоохондоо ингээд орхиё. Маргааш дахиад оролдомз. Баяр-тай.
Түүнийг баяртай гэж хэлэх үед хоолойнд нь мөнөөх хөгжилтэй өнгө эргэн ирэв. Хаалга нээгдэж, хаагдах чимээ түүнийг гэнэт ирсэн шигээ гэнэт явж одсоныг илтгэлээ.
Би баруун гараа арай чамай урууландаа хүргэв. Түүний хэлсэн зүйл намайг хэлэх үггүй болгожээ.
Гав ганцаараа, сэтгэлийн хоосрол гэх үгс намайг эргэн санахад хүргэв.
Үгүй ээ, бурхан минь, үгүй. Би яаж тэрнийг мартаж чадав аа?
Би түүнийг олсонгүй. Санаа сэтгэлдээ би дахин дахин дуудсан ч, тэр, нөгөө би хариулсангүй. Риоги ШИКИ явчихаж. Тэр алга болчихжээ.
Шики нэгэн цагт өөрийг нь хугаслан дотор нь нойрсох ондоо зан чанартай хүмүүсийн нэг байсан билээ. Энэ нь Риоги удмынханд үе дамжин ирсэн онцлогоос болсон юм. Домог ярианд эрт үеийн иймэрхүү ер бусын, нууцлаг зүйлсийн тухай бүдэг бадаг өгүүлдэг ч, итгэж болох үгүйг үл мэднэ. Жирийн гэр бүлүүд үүнийг хараал гэж тооцох байсан бол манай овгийнхон эсрэгээрээ баярлаж тэмдэглэн, бахархаж, хишиг буяны шинж гэж үзэх бөгөөд ийм онцгой шинжтэй төрсөн хүнийг удам залгамжлагч гэж тооцно.
Шики тийм төрсөн бөгөөд энэ учраас болж ахыгаа даван гэр бүлийнхээ залгамжлагч болсон байлаа. Шики онцгой тохиолдол байсан юм. Хоёр дахь зан чанар бодит хүнээсээ эсрэг хүйстэй байдаг бөгөөд арга, билиг дундаас үргэлж эрэгтэй нь давамгайлна. Энэ онцлогийг авч төрсөн хүмүүс бүгд дотроо эмэгтэй хүн агуулсан эрэгтэй хүмүүс байсан атал Шики эмэгтэй болж төрсөн анхны тохиолдол байв. Түүний дотор ШИКИ гэгч эрэгтэй байсан юм.
Ихэнх үед Шики, өөрөөр хэлбэл би биеэ удирддаг байв. ШИКИ миний бүхий л илэрхийлж үл чадах бодлууд, нуугдмал чанарыг төлөөлнө. Шики жирийн байх ганц зам бол дотроо орших ШИКИ гэгч харанхуйг дахин дахин алж, нууж хааж амьдрах гэж ойлгодог байсан ба ШИКИ ч үүнд дургүйцсэнгүй. Ихэнх үед ШИКИ дуулгавартайгаар номхон хэвтдэг байсан бөгөөд би түүнийг илдээр тулалдах гэх мэт түрэмгийлэл шаардсан онцгой тохиолдолд дуудан гаргаж ирнэ. Тэр ч ил гарах боломжийг үргэлж баяртайгаар хүлээн авдаг байсан ч, үүний сацуу уйдан залхаж, үүргээсээ сайн дураараа огцордог байв.
Өнгөц харахад эзэн зарцын харилцаа шиг харагдаж мэдэх ч үнэн хэрэгтээ хамаагүй ярвигтай. Эцсийн эцэст Шики, ШИКИ 2 нэг хүн шүү дээ. Шикигийн хийсэн бүхэн ШИКИгийн ч бас хүссэн зүйл байдаг бол ШИКИ хийхийг хүссэн зүйлээ өөрөө хориглон дардаг байлаа. Энэ нь ч сайн хэрэг ба ШИКИ ...үхлийн аюул бүхий хүсэл сонирхолтой байсан юм. Гэвч миний мэдэж байгаагаар тэр үнэндээ аллага ...үйлдээгүй байж мэднэ. Гэсэн ч юу үнэн бэ гэвэл тэр мөнөөх залуу хүүг хөнөөхийг зогсолтгүй мөрөөдөж байсан ба Шики үүнийг нь хатуу хориглож, аль чадахаараа үл тоомсорлож байсан явдал. Гэвч тэд нэг нэгнээ үл тоомсорлолоо ч хэзээ ч салж хагацаж чадахгүй бөгөөд Шики хорвоо ертөнцийн энгийн гэсэн бүхнээс тусгаарлагдсан ч ШИКИгийн ачаар огт ганцаардаж үзээгүй билээ.
Гэвч эцэст нь 2 жилийн өмнө, Шики ахлах сургуулийн 1-р ангид байх үед энэ холбоонд ан цав үүсч эхэлсэн юм. ШИКИ урьд өмнө нь огт биеэ ашиглая гэдэггүй байсан ч анх удаагаа ил гарч, хяналтыг гартаа авахыг хүссэн бөгөөд үүнээс хойш Шикигийн ой санамжинд цоорхой үүсч эхэлсэн ба юу тохиолдсон, юу хийснээ мартдаг болов.
Миний хувьд гэвэл 10-р ангиас эхлээд осол хүртэлх дурсамж минь үгүй болсон бөгөөд хэрэг явдлуудыг бүхэлд нь биш зүгээр л хэсэг бусаг тасархай зүйлүүдийг санаж байв. Аллага болсон газар ам хатаж, час улаан цус руу ширтэн зогсож байгаагаа.
Бас жаргах нарны гэрэлд угаагдан буй ангид зогсох ангийн хүүхдийн тухай дурсамж. Хоёр дурсамж хоёул ижилхэн улаан туяа татуулна. Шикиг сүйрүүлсэн, ШИКИгийн алахыг хүссэн, Шикигийн хамгаалахыг хүсч байсан эгэл жирийн амьдралын сүүлчийн хэлтэрхий болсон тэр ангийн хүүхэд. Комоос сэрснээсээ хойш би түүний нэрийг санах гэж хичнээн ч их хичээсэн ер бүтээгүй юм.

Эмнэлэг өөрийн гэсэн хэмнэл, уур амьсгалтай. Өглөөний чанга дуу чимээ шөнө болоход аажмаар намжсаар аниргүй болсон байна. Үүдний хонгилд хааяадаа углаашны чимээ сонстон, амар тайвныг эвдэж, сэрүүн байгааг минь сануулна. Миний нүдийг тагласан боолт орь ганцаараа болохыг минь тодотгохоос цаашгүй бөгөөд Шикигийн хувьд энэ бол огт үл мэдэх харь мэдрэмж байлаа. Тэр хэзээ ч ганцаараа байж үзээгүй юм.
Гэвч ШИКИ үгүй болсон бөгөөд байхгүй байгаа нь маш тод мэдрэгдэж байлаа. Үнэнийг хэлэхэд би түүний оройн зайг мэдрэхгүй байгаа учраас л би бол тэр биш, би гэдгээ мэдэж байгаа хэрэг.
-Хэн биш вэ гэдгээрээ, юу алдсан бэ гэдгээрээ өөрийгөө тодорхойлно гэдэг хэн болохоо мэдэх хамгийн муухай арга байна гэж би улиг болсон аргаар өөрийгөө тайвшруулахыг оролдсон ч, нэмэр болсонгүй. Би гунигладаг ч болоосой. Тэгвэл “эмчийн” хэлсэн, надад байгаа тэр сэтгэлийн хоосрол өөрчлөгдөж болох юм. Аливаа юмс хуучин хөлгийн их бие адил дотроо юу ч үгүй бол ямар ч үнэ цэнэгүй. Тийм бол би юу оруулах ёстой вэ?
"Би орчихъё" гэж хэн нэгэн өрөөн дотор хаа нэгтээгээс шивнэх нь дуулдав. Хаалга дуулдахгүй шахам чахран нээгдэх нь сонстож, үүдний хонгилоор агаар урсан орж ирэх нь мэдрэгдэв. Би өөртөө энэ бол хий төсөөлөл гэж хэлэхийг оролдсон ч, чимээ гарсан зүг рүү өөрийн эрхгүй эргэлээ.
Ер бусын цагаан манан анивчин, сүүмэлзэнэ. Би харах боломжгүй хэдий ч, түнэр харанхуйд тэр үзэгдэж байлаа. Хүн аятай зогсож байх хэдий ч, тогтоон барих ясгүй тул шингэн, хий хоёрын дундах төлөвтэй байв. Тэр зэвүү хүрэм хөдөлгөөнөөр тархан, над руу чиглэн урслаа. Би хөдөлж чадахгүй тул яаж ч чадсангүй, хүлээхээс өөр арга байсангүй.
Гэхдээ ядаж л тэр дүрстэй ажээ. Дүрс бүхий зүйлийг хүний оюун ухаан хүлээж авч чаддаг тул ямар ч хэлбэргүй зүйлс л жинхэнэ аймшиг гэсэн үг. Тэр хэрэв сүнс гээч нь мөн бол би түүнээс дайсагнал мэдэрсэнгүй бөгөөд гайхмаар нь бүр тайван сэтгэгдэл төрүүлж байв. Амьгүй энэ зүйл, амьдрах зорилгогүй болсон бид хоёр хэр зэрэг ялгаатай бол?
Сүнс хацрыг минь илбэхэд ар нуруу руу минь хувин дүүрэн зайрмагтсан ус цацах адил мэдрэгдэж, хамаг бие хөшчихөв. Өвдөж байсан ч, би хөдөлж хүчирсэнгүй. Дуу хоолой минь ч гарсангүй. Хүлцэхээс өөрийг хийж чадсангүй. Бид шөнө дундаас нар мандах хүртэл яг тэр хэвэндээ хөдөлгөөнгүй үлдэв. Харин өглөө би түүнийг ямар нэг нялцгай биет наранд хатах шиг хайлан одохыг мэдэрсэн ба мөс шиг хүйтэн атгалт нь сулрав уу үгүй юу би бөх гэгчийн нойронд автлаа.


Last edited by zolushka_717 on Oct.16.15 6:47 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.19.15 4:52 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
3.

Би комоос ухаан ороод хэдэн өдөр өнгөрсөн ч, нүдийг минь боолттой байлгах нь дээр гэж эмч үзжээ. Эмнэлэгт бол жирийн үзэгдэл шиг санагдах болсон чимээ шуугиан энэ өглөө эрс өөрчлөгдөн, тун ч амар тайван байх тул би өдрийн аар саархан хөдөлгөөн дунд төөрөн байлаа. Би цонхны цаадхи шувуудын жиргээнийг чагнан, өдрийн гэрэл өрөөнд нэвтрэхийг мэдэрч, сэрүүн агаар уушги дүүрэн амьсгалав.
Хоёр жил миний байсан газартай харьцуулахад энд үзэх харах зүйл үнэхээрийн их байлаа. Гэхдээ л амьдрал буцалсан энэ ертөнцөд өглөө бүр сэрэхдээ би хүмүүс ганцаараа байхдаа л жаргалтай байдаг ертөнц юм гэж боддог байв. Ганцаар амьдрах нь хамгийн аюулгүй байтал хүмүүст яагаад хангалтгүй санагддаг юм бол?
Урьд нь миний амьдрал өөлөх юмгүй байлаа. Надад хэн ч хэрэггүй байсан юм. Гэвч одоогийн нөхцөл байдлаас үзвэл би дутагдаж буй зүйлээ хүлээхээс аргагүй болжээ. Хэрэв энэ чигээрээ байвал үүрд хүлээх хэрэгтэй болж ч мэдэх юм.
Гэхдээ би чухам хэнийг, юуг хүлээж байгаа билээ?

Би хэл яриа засах эмч-шидтэнтэй өдөр бүр уулздаг бөгөөд эмнэлгийн амьдрал зөвхөн үзлэг, шинжилгээ, эмчилгээгээр хязгаарлагдах тул өдөр тутмын улиг болсон бүхнээс ангид энэхүү ярилцлага надад зугаатай санагддаг байв. Өнөөдрийн хувьд ч бидний яриа аанай л миний өнгөрсөн амьдрал руу шилжиж, тэр урьдынхаараа миний орны хажуугийн сандал дээр суун, хээгүй янзаараа хүүрнэж байлаа.
-Аан, одоо л ойлголоо. Тэгэхээр ШИКИ биеийг чинь удирдаж чаддаггүй биш хүсдэггүй байж. Чи, биш ээ та хоёр ч үнэхээр зугаатай хос байна шүү.
Тэр миний тухай тун ч өргөн мэдлэгээр зэвсэглэсэн ба зарим нь бүр тоотой хэдхэн хүний мэддэг зүйл байгаа нь сэжигтэй байв. Тэр Риоги удмынхны чандлан нууцалдаг үе дамжсан хараалын талаар, хоёр жилийн өмнө хотыг орвонгоор нь эргүүлсэн цуврал аллага дахь бяцхан оролцооны минь талаар мэдэж байлаа. Жирийн үед бол би аль болох энэ талаар нууж хаахыг оролдох байсан юм. Гэхдээ гэмт хэрэгтэн олдоогүй, аллагууд илрээгүй хэдий ч би надад ирэх хор уршиг, үр нөлөөг нь хүлээн авахад хэзээний бэлэн болсон байв. Гэсэн ч аль болох энэ тухай бодохгүй байх нь надад дарамт багатай байдаг билээ.
-Хоёрдмол зан чанартай байна гэдэг зугаатай хэрэг огт биш гэж намайг сануулахад тэр урамгүйхэн шогшров.
-Сонсголонтой хэдий ч оновчтой нэр биш гэх байна. Та хоёр нэгэн зэрэг оршдог хэрнээ тус тусын хүсэл зорилготой, салан тусгаарлах үзэлтэй. Гэсэн ч хоёулаа ижилхэн үйлдэл хийдэг. Будлиантай л даа. Гэхдээ л хоёрдмол зан чанар гэж нэрлэх нь зүйд нийцэхгүй. “Холимог, хараат бус зан чанар” гэх нь илүү тохиромжтой.
-Хөөе, ард нь бүгд найрамдах улс гээд нэмчихээч. Тэгвэл Балкан хойгийн нэг шинэхэн улсын нэр шиг сонсогдох нь байна.
-Аа, юу л даа. Би нэр оноохдоо сайн гэж ерөөсөө хэлээгүй биз дээ. Гэхдээ байна аа, ШИКИд тийм шаардлага байгаагүй атал дандаа унтаж байсан гэхээр хачин юм.
Магадгүй энэ зөвхөн миний л хариулж чадах зүйл байх. ШИКИ үргэлж л өөрийн төсөөллийн гүн рүү астрал аялалд одож, зүүдлэх дуртай байсан ба Шики үүнийг нь хэзээ ч сонирхож байгаагүй юм.
-Тэр одоо ч гэсэн унтаж байгаа юм биш биз? гэж тэр намайг өдөн, даажигнахад би хариу хэлж чадсангүй.
-Тэгвэл үнэхээр үхчихжээ? Ослын үеэр тэр чиний өмнөөс үхэж, тэрний дурсамжууд хов хоосон руу уусан алга болж. Ядаад л ой санамжинд чинь үүссэн цоорхойг үүгээр тайлбарлаж болж байна. Харин тэдгээр дурсамжгүйгээр уржнангийн цуврал аллагад чамайг ямар холбоотой байсныг мэдэх зам үүрд хаагдсан байж мэдэх юм.
-Тэгэхээр сэжигтэн баригдаагүй байх нь ээ?
-Тийм ээ. Гэхдээ чи тоглоомын дүрмийг мэднэ дээ. Хүмүүс цуврал аллага болсон тухай зурагтаар хараад “өө бурхан минь” гэж уулга алдчихаад үргэлжлүүлэн хооллоцгоодог. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ихэнх хүмүүсийн хувьд тэр явдал зүгээр нэг явган яриа төдий болсон. Харин үлдсэн нь мартчихсан гээд намайг тэрнийг хэлсэн зүйлдээ хэр зэрэг итгэж байгаа бол гэж эргэлзэх зуур тэр инээд алдлаа.
-Гэхдээ ШИКИ намайг үнэхээр гайхшруулж байна. Тэр юу ч хийгээгүй бол Шикигийн ухамсар үхэх байсан. Тэр яагаад чиний оронд үхсэн байж таарах вэ?
-Үнэнийг хэлэхэд би энэ тухай чинь л бодсоор байна гэж би тээнэгэлзэн хэлээд:
-Гэхдээ одоо түүний тухай ярьж боллоо. Хайч авчирсан уу? гэж асуув.
-Өршөө, гэхдээ Ашика болон тэрний боолууд зөвшөөрөөгүй. Чи ...нөгөө, нүднийхээ талаар жаахан асуудал үүсгэсэн болохоор тэд ямар ч үзүүртэй зүйл оруулахгүй гэсэн.
Ер нь бол би тэгэх ч болов уу гэж тааж байсан билээ. Миний нөхөн сэргээх эмчилгээ үр дүнтэй байгаа бөгөөд би хөдөлж чаддаг болчихоод байв. Тэд өдөрт хоёрхон удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн ийм түргэн сайжирч байгаа нь анхны тохиолдол гэлцэж байсан тул нэг ёсондоо баяраа тэмдэглэх үүднээс би сайн эмчээсээ хайч сурагласан байлаа.
-Чи хайчаар яах гэж байсан юм? Орныхоо хажуугийн шүүгээг цэцгээр чимэх гээ юу?
-Яг ш дээ. Би үсээ л тайрах гэсэн юм, тэгээд л болоо.
Ухаан орсноос хойш үс минь надад нэлээд төвөг болоод байлаа. Хоёр жилийн хугацаанд нэлээн урт ургачихжээ. Толгойгоо хөдөлгөх бүрт хүзүү, нурууг минь гижигдэн, урт үс галзуурчихмаар ядаргаатай ажээ.
-Тийм бол тэгээд л хэлчихгүй дээ. Үсчин оруулаад ирж чадах л байсан юм.
-Хэрэггүй. Тэднийг тэвчиж чаддаггүй юм. Надаас ондоо хүн үсэнд минь хүрнэ гэдэг би өөрийнхөө хийх ёстой зүйлийг ч хийж чадахгүй байна гэсэн үг.
-Аа, бүрэн ойлгож байна. Бүсгүйчүүд бид чинь өөрсдөө үсэндээ анхаарал тавих ёстой шүү дээ. Чиний нас нэмсний ганц нотолгоо ердөө л үс ургасан явдал байгаад би үнэхээр атаархаж байна шүү гэж хэлээд түүний өндийх нь дуулдлаа.
-Тэгэхээр чамд хайч авчирч чадаагүй юм чинь оронд нь өөр нэг юм орхиё. Их юм биш ч гэлээ хэрэг болно гэж бодож байна. Эртний бичээст чулуу байгаа юм. Хамгаалагч сахиус гэж бодож болно. Би хаалган дээр тавьчихъя, хүн аваад явчихгүй байх нь чухал гээд тэр чулуугаа байрлуулах гэж буй бололтой үүд рүү сандлаа чирэх нь сонсогдов. Дараа нь хаалга нээлээ.
-Одоохондоо ингээд болох шив. Маргааш өөр хүн ирж магадгүй болохоор тэр болтол сайн охин шиг байж үзээрэй дээ гэчихээд тэр намайг учир битүүлэг үгс болон чулуутайгаа орхин одлоо.

Шөнө дунд өнгөрсөн ч байнгын зочин маань сураггүй л байлаа. Манантсан сүнс шөнө алгасахгүй айлчилдаг боловч өнөөдөр ирэхгүй нь бололтой. Тэр хамгийн түрүүнд хацрыг минь зөөлөн илбэнэ. Ингэх бүрт тэсгэлгүй их өвдөх бөгөөд аюултай ч байж мэдэхээр. Гэсэн ч намайг алахаар шийдсэн байлаа ч надад хамаагүй. Магадгүй тэр нь ч шулуухан биз.
Түнэр харанхуйд би нүднийхээ боолтонд хуруугаараа хөнгөхөн хүрч үзэв. Миний нүд удахгүй эдгэнэ. Түүнээс нь өмнө амжуулах ёстой. Би нүдээ сохлох ёстой. Энэ удаад алдаа гаргаж болохгүй.
Би одоохондоо сохорсон учраас л тэднийг харж чадахгүй байгаа юм. Гэхдээ дахин үзэгдэх нь цаг хугацааны л асуудал. Хараатай байна гэдэг харагдах ёсгүй тэдгээр зүйлсийг харна гэсэн үг юм бол... сонголт ойлгомжтой. Тэднийг дахин харж байснаас хорвоо ертөнцийг хэзээ ч үзэхгүй байсан нь дээр. Гэхдээ үүнээс өөр зам байж мэдэх юм гэсэн бодол амьдрах шалтгаанаа олох хүртэлхи сүүлчийн найдвар болж байлаа.
Би ч өрөвдөлтэй амьтан юм даа.
Өмнөх Шики бодох санах юмгүйгээр нүдээ сохлох байсан атал би эргэлзэж байв. Амьдрах хүсэл зориг үгүй хэрнэ үхэх хүсэл ч бас үгүй. Тэр сүнс ямар нэг шалтгаанаар намайг хөнөөхийг санаархвал би баясан алга ташихгүй байж мэдэх ч бас өөрийгөө хамгаалан тэмцэхээргүй байлаа.


Last edited by zolushka_717 on Oct.19.15 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.20.15 2:59 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Шүтээн II

1998 оны 6-р сарын эхэн бөмбөрцгийн ихэнх хүмүүсийн хувьд бусад жилүүдээс ялгарах юмгүй ердийн, тайван зун болж байхад Аозаки Токогийн хувьд Риоги Шики гэгч сонирхол татам нэгнийг анхлан мэдсэн улирал болж таарчээ. Энэ бүхэн бусдад олдохгүй гэж урьдчилан сэргийлсэн хичээл зүтгэлээс нь үл хамааран түүнийг мөрдөн илрүүлсэн хүүгийн чадварыг үнэлэн, ажилд авснаар эхэлсэн юм. Шинэхэн ажилтан нь сав л хийвэл өмнө нь хэд хэдэн удаа дурдаж байсан Шики гэгч найзынхаа талаар хүүрнэх дуртай бөгөөд санамсаргүй тохиолдлоор онцгой аагим халуун нэгэн өдөр Токо цаг нөгцөөхийн тулд түүний яриаг чагнахаар шийджээ.
Шики гэдэг тэр хүн машины осолд орж, одоо комд байгаа бөгөөд түүний сэрэх магадлал нь ердөө тэг зууны хэдэн бутархай болж ургамлаас ялгаагүй болсон гэнэ. Хүү бас сувилагчдын ярианаас Шики комд орсноосоо хойш огт хөгшрөөгүй болохыг олж дуулжээ. Үүнийг сонссон даруйд Токод сэжигтэй санагдаад явчихав.
-Нээрэн үү? Үхэгсэд хүртэл энтропигийн төгсгөлийг үзээгүй байгаа шүү дээ гэж тэр гайхсанаа нуухыг хичээн хэлээд:
-Ямар нэг ...шид юм шиг сонсогдож байх чинь. Үгүй гэж үү? гэлээ.
-Би таныг итгэ гэхгүй ээ, хатагтай. Гэхдээ энэ үнэн. Хоёр жил өнгөрсөн гэчихмээр шинж түүнд огт байхгүй. За за, миний тайлбар тавих ч яамай. Харин та комд орсон хүний тухай миний ярьсантай дүйцэхүйц өөр сонирхолтой тохиолдол мэдэхгүй л биз дээ?
Хүү түүнийг тэгтэл чухалчилж авч үзэх юм гэж огт саналгүй дээрхийг асуусан ч Токо гараа элгэндээ эвхэн, энэ талаар гүнзгийрүүлэн төнхөж эхлэх нь тэр.
-За байз, бодъё л доо. Холын нэг улсад 20 настай эмэгтэй дөнгөж гэрлэснийхээ дараа яагаад гэдгийг нь бурхан л мэдэх шалтгаанаар комд орсон юм байна. Бүдүүлэг эмэгтэй байгаа биз? За юутай ч тэр 50 жилийн турш комд байсан. Энэ талаар дуулсан уу?
-Тэгж хэлж чадахгүй нь хэмээн хүү толгойгоо сэгсрээд:
-Тэгээд сэрээд яасан бэ? гэж лавлав.
-Ухаан санааны хувьд гайхалтай эрүүл, комд ороогүй хүн шиг л байсан. Төсөөлж байна уу? Тэр өнгөрсөн явдлууд, нэрс гээд л бүх л зүйлсээ санаж эхэлсэн. Даанч энэ бүхэнд нөхөр нь баярлаагүй нь харамсалтай.
-Юу? Тэр эдгэчихээд байхад нөхөр нь яагаад баярлаагүй гэж?
-Юу л даа, үнэндээ бол асуудал эхнэрт нь байсан юм. Түүний бодол сэтгэхүй нь комд орохоос өмнөхтэйгээ ижил атал бие махбодь нь галт тэргэнд суугаад 70 насан дээр буучихсантай адил хөгширч, хатингаршсан байсан. Тэр гүйж, дасгал хийж, биеийн тамираар хичээллэхийг хүссэн боловч мэдээж яаж чадах вэ дээ. Харин тэр учрыг нь ойлгоогүй. 50 насаар хөгширсөн гэдэг үнэн санаанд нь огт бууж өгөөгүй. Нөхрийнх нь хувьд гэвэл тэр эхнэрийнхээ өмнөөс тун их харуусаж байсан ба огт сэргээгүй бол бүгдэд нь дээр байж гэж нулимс дуслуулан хэлсэн юм даа хэмээн Токо сандлаа хоёр тийш залхуутайгаар савчуулах зуураа тайван гэгч нь хүүрнээд:
-Ямар байна даа? Одоо харин итгэх албагүй гэж хэлэх миний ээлж болоо биз? Энэ бүгдийг бодитоор авч үзэхэд чинь тус болсон гэж найдаж байна хэмээн Токо яриагаа төгсгөлөө. Гэвч хүү нэг ч үг хэлэлгүй дуугаа хураачихсан тул Токо түрүүлж яриа өдөхөөс өөр аргагүй болов.
-Өө, бяцхан жаалын маань муу совин татаад байна уу даа? гэж Токо нүүр дүүрэн даажинтай инээд тодруулан асуухад хүү толгой дохилоо.
-Үнэндээ надад огт санахыг хүсдэггүй нэг бодол байдаг юм. Шики буцаж ирмээргүй байж мэднэ гэх бодол.
-Аа-ха, нэг юм байна даа гэж Токо гэнэт хэлээд гараа чамархайндаа хүргэж, бодол уншигч шиг дүр үзүүлээд:
-Үүний чинь ард ямар нэг учир шалтгаан бий гэж надад мэдрэгдээд байна. Тэртээ тэргүй цаг хангалттай юм чинь хэл л дээ гэхэд хүү уурлан цааш харав.
-Тэгээгүй нь дээр гэж бодож байна, хатагтай. Юу гээч, хүмүүстэй жаахан мэдрэмжтэй харьцлаа гээд юу ч унадаггүй юм шүү.
-Хөөе, чи л өөрөө тэрний талаар ярьж эхлээ биз дээ, хүүхэд ээ. Яаж төгсөх нь таалагдахгүй яриаг анхнаасаа эхлэх хэрэггүй байдаг юм. Би зүгээр л цаг нөгцөөх гэсэндээ, бас Азака залгах бүртээ Шики гэгчийн талаар яншиж байдаг болохоор л асуусан юм. Цаад хүнийхээ талаар юу ч мэдэхгүй байж хүүхнүүд бид чинь яаж хов ярих болж байна?
Азакагийн нэрийг дуулмагцаа хүү түгшин, хөмсөг зангидав.
-Би асуухсан гэж бодоод л байлаа, хатагтай. Та миний дүүтэй хаана, яаж танилцсан юм бэ?
-Товчхондоо бол урьд нь ажиллаж байсан нэг жижиг хэргээ мөрдөн, гүйж явахдаа танилцсан гэж болно. Тэгэхэд миний хяналтаас гадуур нөхцөл байдал тохиож, тэр намайг шидтэн болохыг олоод мэдчихсэн юм.
-За за, хамаа алга. Гэхдээ түүнийг өөрийнхөө ертөнц рүү хамаагүй их татан оруулахгүй байхыг танаас хүсэх байна гэж хүү хэлэхэд хоолойд нь хардсан өнгө тодхон сонсогдох бөгөөд үргэлжлүүлэн:
-Тэр их эмзэг, мэдрэмтгий насан дээрээ яваа юм хэмээлээ. Токо үүнийг сонсоод инээдээ барьж тэвчсэнгүй:
-Чиний мэддэг зүйл бодит байдлын талд нь ч хүрэхгүй юм байна. Гэхдээ би танай гэрийн асуудалд гар дүрэхгүй, амлаж байна. Харин оронд нь түрүүнийхээ сэдэв рүү буцаж, тэр Шики гэгчийнхээ талаар надад сонирхуулах болж дээ хэмээгээд тамхи асаан, ширээн дээрээ шанаагаа тулан суулаа. Нүүр нь гэрэлтэх ажээ.
Үүнээс өөр яриа байхгүйг ойлгомогцоо хүү санаа алдан, хоёр жилийн өмнө цас бударсан шөнө Шикитэй анх уулзсанаасаа эхлэн ярьж эхэллээ. Шики ангийнхантайгаа найзархаад байх сонирхолгүй байсан ба түүнтэй нөхөрлөх эх үүсвэрийг тавьсан хүн нь хүү өөрөө байжээ. Гэвч үл мэдэгдэх цуврал алуурчин гарч ирсэн үеэс буюу 10-р ангийн 2-р хагасаас эхлэн Шики бүр ч тусгаар болж, зожгирч эхэлсэн ба хожим нь өөрийн хоёрдмол зан чанар болон нөгөө зан чанар нь хүн алах хүсэл өвөртөлж явдаг талаараа илчилснээр энэ байдлынх нь учир тайлагджээ. Түүний тэдгээр аллагуудад холбоотой эсэх, холбоотой бол ямар холбоотой болох нь ер мэдэгдээгүй бөгөөд хэзээ хэзээнээс илүү хүйтэн бороо шаагисан нэгэн шөнө охин хүүгийн нүдэн дээр осолд орсон байна. Хүү охин хоёрыг тэр даруйд нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд охин одоо тэр эмнэлэгт комд орчихсон хэвтэж байгаа аж.
Анхандаа Токо шар айрганд халсан хүмүүсийн худал үнэн яриаг чагнаж байгаа аятай сонсож байсан ч, яваандаа түүний нүүрэн дээрхи инээмсэглэл замхран алга болох нь тэр. Эцэст нь хүү ярьж дуусах үедээ тун ч их зүдэрсэн харагдсан бөгөөд энэ нь түүний хувьд дэндүү эмзэг сэдэв байсныг нотлон харуулж байв.
-Энэ хоёр жилийн тухайд ерөнхийдөө ийм л байна даа гэж тэр яриагаа төгсгөлөө.
-Тэр гүн нойронд автсан цус сорогч биш гэдэг нь лав. Гэхдээ надад нэг таамаг байх нь байна шүү... гэх зуур Токогийн дуу бүдгэрээд явчихав. Ярвигтай асуудлын шийдлийг боловсруулах үедээ тэр ингэдэг зуршилтай юм. Харин дараа нь түрүүхэн нүүрнээс нь арчигдсан мөнөөх инээмсэглэл эргэн ирлээ. Энэ удаад зальжин янз төрхтэй болжээ.
-Тэрний нэрийг ямар ханзаар бичдэг гэлээ?
-Сүшики эсвэл томъёо гэдгийн Шики. Яасан? Нэрэнд ямар нэг учир байна гэж үү?
-Эсвэл японы бөөгийн хосгүй нэгэн шид болох шикигамигийн Шики. Хамгийн гол нь тэр Риоги удмын хүн. Юу болохыг нь би ойлгож эхэллээ шүү. Нэвт шувт шид ханхлаад явчихлаа байна гээд өөрийгөө барьж дийлэхгүй болсон Токо тамхиа үнсний саванд унтраагаад босч:
-Эмнэлэг нь энэ хавьд байх аа? Би удахгүй ирэмз. Нойрсож буй гүнжийнхээ барааг харах хэрэгтэй байна гэчихээд хариу хүлээсэн ч үгүй хүүг орхин шуудхан гарлаа. Тэр өөр бусад юуг ч анзаарах сөгөө байсангүй, зөвхөн яаж яваад ийм таатайхан нөхцөлд орчихсон талаараа л бодож байв. Түүнийг яг энэ ганц цэг дээр авчрахын тулд хувь тавилангийн эргүүлэг уран нарийн ан цав үүсгэн, хувирсныг тэр мэдрэх шиг болж байлаа.


Last edited by zolushka_717 on Oct.20.15 2:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.23.15 2:40 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Шүтээн III

Энэ явдлаас хэдхэн хоногийн дараа гайхамшиг тохиож Шики ухаан оров. Шинэ ажилтны зааварласан ёсоор Шикигийн эцэг эх хүртэл яагаад ч юм охинтойгоо уулзаж болохгүй байсан тул хүүгийн тухайд бүр энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй байлаа. Тиймийн тул хүү бичиг цаасны ажил руу Токод урьд өмнө харагдаж үзэгдээгүйгээрээ уриалгахан, эрч хүчтэйгээр шунган орсон нь зарим талаараа сатаарахын тулд тэгээ биз ээ.
-Манай ажил үнэхээрийн харанхуй юм аа гэж Токо өглөөнөөс хойш тогтнон буй нам гүмийг эвдэхийн тулд дуугарав.
-Таныг хүсвэл би гэрэл авчирч болох юм, хатагтай гэж хүү түүн рүү хялам ч хийсэнгүй, нэгэн жигдээр уянгалуулан хэлэхэд Токо түүнийг ямар нэг ухаангүй юм бодож суугааг нь мэдэрлээ. Иймэрхүү дутуу дулимаг, хэнд ч хэрэггүй бодол хүнийг хагас галзуу болтол нь толгойноос нь салалгүй, хичнээн л бол хичнээн хугацаагаар үргэлжлэн дүүжигнэдэг юм. Үүнийг мэдэх тул Токо түүнтэй шулуухан ярилцахаар шийдэв.
-Чи Шикигээс болж ингэж үхээнц царайлахаа боливол таарна. Бас тэрэнтэй уулзах гэж шөнөөр тийшээ шургалах талаар бодох ч хэрэггүй шүү.
-Би ерөөсөө тэгж бодоогүй, хатагтай. Тэгээд ч тэнд дэндүү олон хамгаалагчтай. Урд хаалган дээр 2, бас дээрээс нь цэцэрлэгийн эргүүлүүд ч бий.
“Аварч хайрла” гэж Токо дотроо залбираад “тэр хэдийн хамгаалагчдыг нь тоолж амжаад бас эргүүл хийдэг газруудыг нь мэдээд авчихаж. Гэхдээ би тэрнийг нөмөртөө авсан. Ганц шөнийн дотор гэмт хэрэгтэн болгочихно ч гэж байхгүй шүү” гэж бодоод эвлэрэнгүй янзтай мөрөө хавчисхийлгээд:
-Би уг нь энэ талаар хэлэхгүй байя гэж бодож байсан ч чи надад сонголт үлдээсэнгүй. Би жаал зугаа арга чарга ашиглан найзын чинь хэвтэж байгаа эмнэлэгт түр хугацааны эмч болсон. Сонсов уу? Би чамд Риоги Шикигийн тухай мэдээд өгөх болохоор битгий цовхчиж байж баривчлагдчих. Хүсэхгүй байхад чинь тэр талаар яриулсныхаа хариуд миний хийж чадах юм энэ л байна хэмээгээд тоомжиргүй дүр үзүүлэх үүднээс санаа алдлаа. Гэсэн ч хүү суудлаасаа босч, Токо руу хүрч ирээд хоёр гарыг нь атган сэгсчив. Энэ нь түүний талархлаа илэрхийлж буй үйлдэл болохыг нь ухаараагүй Токо "Хачин юм бэ" гэж бодох зуураа эвгүйцэн харж:
-За за, ойлгомжтой гэлээ.
-Үнэхээр гайхалтай Токо-сан. Би таныг бусдын адил зүрх сэтгэлтэй хүн гэж мэдээгүй явж.
-Юу гээч, уг нь чи чимээгүйхэн баярласан бол дээр байсан юм. Даанч эрчиндээ явж байгаад олдсон боломжоо үгүй хийчихлээ дээ.
-Уучлаарай, хэл хальтирчихлаа гэж тэр хурдхан хэлээд аль болох түргэн алдаагаа залруулахыг оролдон:
-Тэгээд л та өнөөдөр ийм янзтай хослол өмсөж ирсэн байх нь. Үнэхээр дэгжин байна. Би бараг л таньсангүй шүү гэв.
-Ер нь бол би дандаа ингэж хувцасладаг л даа. Гэхдээ яахав, үргэлжлүүлээд магтаж болно. Би магтаалд ханаж цаддаггүй хүн гэдгийг бурхан гэрчилнэ гэчихээд Токо хүү одоо хэлсэн болгоныг нь дагах болно гэдгийг мэдэрмэгцээ бушуухан түрүүний сэдэвтээ орж:
-За энэ ч яахав. Тэгэхээр чамайг ямар ч тэнэг юм хийхгүй гэж тооцлоо шүү. Тэр эмнэлэг нэг л биш байна. Яг яачихсаныг нь сайн мэдэхгүй болохоор чи оролцох хэрэггүй. Намайг эзгүйд эндээ үлдээд үгийн сүлжээ бөглөдөг ч юм уу тэгсгээд байж байсан нь дээр гэлээ. Сүүлийн өгүүлбэрийг сонсоод хүүгийн эсэргүүцэх хүсэл аажмаар намдаж, эцэст нь бүрэн тайвширмагцаа:
-Нэг л биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? гэж асуув.
-Тэнд надаас өөр шидтэний нөлөө байгааг би мэдэрсэн. Хориг байж магадгүй юм. Хэн ч байлаа гэсэн тэрний зорилго Шики байх ёсгүй. Шики байсан бол тэр намайг гарч ирэхийг хүлээгээд бүтэн хоёр жил найр тавьж суухгүй шүү дээ.
Гэвч энэ худлаа гэдгийг Токо мэдэж байлаа. Тэр бол шидтэнгүүдийн элбэг ашигладаг хашир болгоомжтой мэх бөгөөд Шикиг сэрэхээс өмнө тэрэнд хөдлөх шаардлага үгүй байсан бол одоо Шики ухаан орчихоод байгаа билээ. Гэхдээ хүүд үүнийг мэдэх шаардлага үгүй. Харин золоор Токо хүүгийн санааг амартал толгойг нь эргүүлж дөнгөсөн болтой байв.
-Юу... хатагтай, хориг гэдэг чинь таны энэ байшинг тойруулан тавьсантай чинь төстэй зүйл биз дээ?
-Бүдүүн тойм ч гэсэн мэдэж байх шив. Хориг гэдэг бол хэсэг газрын цөмийг тойруулан төвлөрүүлдэг бяцхан ухаалаг шившлэг байгаа юм. Зарим шидтэнгүүд бодит хана хашаа тарнидах дуртай байдаг, харин бусад нь шидтэний талаар мэддэггүй, тэдэнтэй уулзах гээгүй хүмүүсийн оюун санаанд тэр газраас холдон явах мэдээ дамжуулагч үл мэдэгдэх бүрхүүл босгодог юм. Хамгийн гоё нь юу гээч? Хүмүүс үүнийг огт анзаардаггүй. Тэдэнд зүгээр л тухайн газраас холхон байсан нь дээр юм шиг санагддаг. Энэ газар бол Токиогийн энэ хэсэг дэхь хамгийн сайн шидтэний бүс болохыг далдалж буй төгс шившлэгийн жишээ гэж тэр гараа занган хэлэхэд хүү түүнийг огтхон ч тоглоогүйг ойлгов.
-Мэдээж би чамайг огт танихгүй атал чи үүнийг даваад намайг олоод ирсэн нь үнэн. Гэхдээ байна аа, тийм болохоор л би чамайг ажилд авсан юм шүү дээ.
-Тэгэхээр эмнэлгийн тэндэх хориг аюултай шившлэг гэсэн үг үү?
-Миний ярьсан хэлсний цаад учрыг ойлго, залуу минь. Хориг ямар ч аюулгүй. Аливаа ариун газрыг гадна ертөнцийн нүд чихнээс далд байлгахын тулд эртнээс хэрэглэж ирсэн зүйл байгаа юм. Миний мэдэхийн анх буддын шашнаас үүсэлтэй. Харин одоо шидтэнгүүдийн биеэ далдлах хэрэгсэл нь болсон болохоор хориг байршуулсан эзнийг олоход маш хүнд болсон. Сайн хийсэн нь огт мэдэгддэггүй. Бүр гойд сайнууд нь энгийн хүний орон зайн мэдрэхүйд үл өртөх, жижиг, түр зуурын ч гэлээ бүрэн тусгаарлагдсан ертөнц буюу гадна орчноос таслагдсан орон зай үүсгэдэг. Гэхдээ энэ бол зөвхөн дээд шидтэнгүүдийн хийдэг өндөр түвшний шид. Миний мэдэхийн ийм чадвартай хүн Японд ганц л бий.
Токо хүүг байхад Шидийн талаар бараг ярьдаггүй ба нухацтай царай нь түүнийг ердийнхөөс нь илүү ширүүн харагдуулж байв. Шидтэнг мэргэжил гэж болдог бол тэр нь Токогийн өөр нэг, жинхэнэ мэргэжил нь байлаа. Тэр үргэлжлүүлэн:
-Ямар ч нөлөөтэй бай, тэр хориг тэгтлээ гоцгойрох юмгүй хэрнээ нэлээд бат бөх юм байна лээ. Би анхандаа бараг л анзаараагүй. Тиймэрхүү юм хийж чадах нэг хүн би таньдаг байсан л даа. Гэхдээ үнэндээ Шидийн энэ төрлийг эзэмшсэн хэн ч хийсэн байж мэднэ. Магадгүй тэдний мэргэшилд тохирдог учраас хоригоор дагнасан шидтэнгүүд гадны хэрэг явдлаас өөрсдийгөө тусгаарлах хандлагатай байдаг болохоор тийм хүн энэ удаагийн явдалд оролцсон гэж миний санаанд бууж өгөхгүй байна.
“Гэхдээ л эмнэлгийн ойролцоо тавьсан тэр хориг ердийн нэг сонирхогчийн хийсэн ядмагхан шившлэг байгаагүй. Нэг л ондоо, магадгүй дотогшоо чиглэлтэй байж мэдэх юм. Эмнэлэг хүсээгүй хүнийх нь анхааралд өртөхөөс сэргийлж, дотор нь байгаа хүмүүст аливаа ер бусын зүйлсийг анзаарахгүй байх мэдээ дамжуулж, дураараа ажиллах боломж олгодог шившлэг байж магад” гэж Токо дотроо бодлоо.
Гэхдээ үүнийгээ гаргаж хэлсэнгүй. Хүү мэдэхгүй зүйлсээсээ холхон байсан нь дээр. Тэр энэ явдал хүүгийн хэрээс хэтэрнэ гэдгийг хангалттай ойлгуулахуйц, бас өөрийнхөө найрсаг хүн болохоо харуулахуйц хэмжээний зүйлсийг хэлчихсэн билээ. Токо ханын цаг руу хяламхийгээд босч:
-Тэнд очиж царайгаа харуулах цаг болчихож гээд хаалга зүглэн алхлаа.
-Токо-сан, миний өмнөөс Шикиг харж хандаж байгаарай гэж хүү түүний араас хэлэв. Тэр эргэж харсангүй, сонссоны дохио болгож гүвтнээд, салах ёс хийн даллав. Гэхдээ хүүгийн сүүлчийн асуултыг сонсоод түр саатлаа.
-Нээрэн нэг ялихгүй юм асуух гэсэн юм, хатагтай. Таны таньдаг гэсэн тэр мэргэжилтэн чинь хэн байсан юм бэ?
Токо агшин зуур ой дурсамжаа нэхэн самнаад, мөрөө давуулан харж:
-Аа, зүгээр л эртний нэг танил. Хувраг хүн. Тэрний талаар санаа зовох ямар ч шаардлагагүй. Бид сүүлийн удаа аль дивангарын үед өөр тивд уулзсан юм гэлээ.

Токо Шикигийн хэл ярианы эмч болсноос хойш 6 хонож байлаа. Тэр эмнэлгээс ажил дээрээ дөнгөж орж ирээд, өдөр дуустал амсхийхээр суудлаа зэхээд цонхоор харав. Жаргах нарны туяа бүүдгэрхэн өрөөнийх нь ханыг хүрэн улаанаар будах ба зангиагаа сулруулмаар санагдах нь ойртон ирсэн зуны халууны дохио биз ээ.
Орой бүр тэр Шикигийн ахиц дэвшлийн талаар шинэхэн мэдээтэй ажил дээрээ ирдэг бөгөөд хүү үүнд нь ихэд талархана.
-Тэр өдөрт 2 удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Дараа нь тархины үйл ажиллагаагаа шалгуулдаг болохоор тэр тун их тамирдаж байгаа. Нэмж төвөг удаж, тийшээ очих гээд яах вэ. Дахиад жаахан л тэвчээд хүлээчихвэл цаадахтайгаа уулзах боломжтой болчихно.
-Өдөрт хоёрхон удаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд тэр үнэхээр зүгээр гэж үү? Хоёрын хоёр жил комд байсан шүү дээ.
-Тэрнийг комд байхад өдөр алгасахгүй үе мөчийг нь хөдөлгөж, дасгалжуулдаг байсан гэж дуулсан. Тэд чинь бэлтгэгдсэн, мэргэжлийн хүмүүс шүү дээ, залуу минь. Тэдэнд итгэ. Шикигийн хувьд нөхөн сэргээх эмчилгээ нийгэмд дасан зохицох шаардлага шиг өөр олон утгатай. Бие махбодь нь эдгэрэх бол ердөө л цаг хугацааны асуудал гээд Токо тамхи гаргаж ирэхээр яриагаа завсарлаж, шалавхан тамхиа зуун, асаалаа. Түүний хувьд Риоги Шики бол оньсого, эцсийн хариултанд хүргэх томъёог тайлах хүсэл татсан таавар байлаа. Тэр Шикитэй ярилцах бүртээ, хүүтэй уулзахаар ажил дээрээ ирэх тоолондоо Шикигийн чухам хэн болох талаархи хамгийн том таавартаа автдаг байв.
-Түүний ухаан бодол... яадаг ч байсан огт өөр хэрэг. Миний сэжиглэж байгаагаар бол тэр өдөр өнгөрөх тусам өмнөх өөрөөсөө холдож байна.
-Мартах өвчин, тийм биз? гэж хүү эргэлзэнгүй хэрнээ 2 жилийн турш сэтгэл санаагаа үүнд бэлдэж байсан мэт итгэлтэй асуув.
-Яг таг тийм ийм гээд хэлчихэж чадахгүй нь. Зан чанарын хувьд ямар ч асуудал харагдахгүй байна. Зүгээр л...юу л даа, би чамайг яаж хүлээж авахыг мэдэхгүй байгаа болохоор...
-Санаа зоволтгүй дээ, хатагтай. Та намайг иймэрхүү зүйлст дасгачихсан гэж би бодож байна. Гуйж байна, юуг ч орхигдуулах хэрэггүй. Тэр яг яасан юм бэ?
Егөөтэй хэрэг шүү. Орхигдуулах. Сүүлийн хэдэн өдөр тэр яг л ингэж байгаа билээ. “ГЭХДЭЭ” гэж тэр бодлоо. “Одоо тэр мэдсэн нь ч дээр байж магадгүй”
-Чиний надад хэлсэн түүний нөгөө хагас, түүний дотор байсан ШИКИ гэгч хүн алга болсон. Тэр Шики юм уу ШИКИ юм уу гэдгээ өөрөө ч мэдэхгүй байгаа болов уу. Тэрнийг ухаан ороход ШИКИ хэдийн байхгүй болчихсон байсан. Магадгүй үүнээс болоод л түүний сэтгэл ухсан нүх шиг хоосон санагдаж байгаа байх. Сэтгэл гээч зүйл хүнд яаж нөлөөлдөг талаар шидтэн бид ч гадарлана шүү. Тэр хоосон зай түүнд яг тийм гэчих аргагүй боловч дэндүү тод мэдрэгдэж байгаа тамын зовлонтой л адил санагдаж байгаа вий.
-Гэхдээ ШИКИ яагаад алга болчихсон юм бэ? гэж хүү тайвнаар лавлалаа. “Тэр тун сайн хүлээж авч байх чинь. Үүнд бэлдэж сэтгэлээ чангалсан байж үнэхээр мэдэх л юм” гэж Токо бодов.
-Үүнийг би зөвхөн таамаглаж байгаа юм. Гэхдээ чи сонсмоор байвал ийм байна. Уржнангийн тэр ослоор чиний мэддэг Риог Шики гэдэг охин үхсэн. Гэвч ШИКИ түүнтэй байраа сольж, өмнөөс нь үхэж. Ингэснээр "шинээр төрөх” гэдэг шиг түүний ухаан бодол дотор түүний үзсэн туулсан бүхэн, ой дурсамжийг нь агуулсан шал өөр хүн орчихсон мэт санагдаад тэр одоо энэ бүхнээ өөрийн гэж мэдэрч чадахгүй байна. Тэр ой санамжиндаа байгаагаасаа өөр хүн болчихсоноо үл ухааран, мухардал дундаа өдөр хоногийг өнгөрөөж байгаа байх.
-Таны хэлсэн шиг тэр өөр хүн болсон юм бол өмнө болж байсан бүхнийг санахгүй гэсэн үг үү?
-Үгүй дээ, тэр ШИКИгийн дурсамжаас бусдыг зүв зүгээр санаж байгаа. Тэр “бодлын үхэл” гэж нэрлэдэг байж магадгүй зүйлээс болж тарчилж байгаа юм. Түүнийг зүгээр л зугаалгаар яваад шинэ зүйл үзээд иржээ л гэж бод. Тэр чиний мэддэг Шики хэвээрээ. Зөвхөн бодлын аялалаасаа болж өөрчлөгдсөн л төдий. Тэр тайлахын аргагүй гажуудал болох Шики, ШИКИ гэсэн хоёр оршихуйтайн улмаас үхэл амьдрал хосолсон төлөвт орсон тул комд орсон цагаасаа эхлэн өсөлт нь зогссон байх гэж би таамаглаж байна. Чамд л гэж хэлэхэд түүний дурсамж мөнхөд үргэлжлэх зовлонгийнх нь үндэс байх болно. Тэр хосолмол оршихуйг нь онцгой болгох олон зүйлсийг санахгүй. Бас санаж байгаа бүхнээ өөрийн гэж чадахгүй. Тэр өнгөрсөн, одоогийнхоо холимог хүн болсон.
“Би энэ бүхэн яг л өөрөөс нь шалтгаалаагүй юм шиг ойлгогдохоор хэлчихлээ. Гэхдээ шалтгаалаагүй ч биз. Алдсан нэгнээ нөхөхийн тулд, Риоги хэвээр үлдэхийн тулд тэр өөрийгөө өөрчилж байна. Хэрэв тийм бол тэнэг л байна даа. Шикигийн үлдээсэн хоосон зайг дүүргэхийн тулд түүнд найз нөхөр хэрэгтэйгээс биш хэн нэгнийг дуурайх шаардлага үгүй. Одоохондоо энийгээ мэдэхгүй байсан ч ялгаагүй” гэж Токо бодсон ч, дуугүй өнгөрөв.
-Гэхдээ бид түүнийг өөр хүн болсон гэсэн таамаглал дэвшүүлж байгаа ч, тэр өөрөө тэгж бодохгүй байсан ч, юу үнэн гэвэл тэр Риоги Шики хэвээрээ. Цаг явдгаараа л явна. Харин цаг хугацааны эрхээр түүний сэтгэлийн шарх эдгэж, хэзээ нэгэн цагт энэ үнэнийг олж харах л болно. Сарнайг өөрөөр нэрлэлээ ч сарнай бол сарнай шүү дээ. Өөр хөрсөнд суулгасан ч, ондоо янзаар усалсан ч өөр цэцэг болохгүй. Тэгэхээр энүүхнээс болоод чи угаалгын өрөөнд судас энэ тэрээ ханачихавзай гээд тэр:
-Эцсийн эцэст тэр нүхийг ямар нэг зүйлээр дүүргэх л ёстой. Түүний хувьд энэ нүхийг нөхөх зүйл нь ой санамж нь байж чадахгүй болохоор тэр сэтгэлдээ нандигнаж шүтэх шинэ зүйлтэй болж, шинээр дурсамж бүтээж, шинэхэн туршлага хуримтлуулах хэрэгтэй гэж шивнээд хэний тухай ярьж байгаагаа баараггүй болгохын тулд хүү рүү эгц харлаа.
-Харин энэ бол чиний ажил. Чи түүнтэй холбоо тогтоож, ярилцах ёстой. Эмнэлгээс гарсных нь дараа түүнд нэн тэргүүнд хэрэг болох зүйл бол энэ. Тэгээд ч тэр цаг тун удахгүй ирнэ гээд Токо татаж байсан тамхиа цонхоор чулуудаад, нурууныхаа чилээг гаргахаар гараа дээш сунгахад, яснууд нь таатай нь аргагүй нужигналаа.
-Би татаж үзээгүй тамхи авах ёсгүй байж. Аймшигтай байлаа гэж тэр хэнд ч үл хандан өгүүлээд хүндээр сүүрс алдав. Хүү түүний тамхиа жигшсэн, эсвэл ажил нь хүнд байсны алинаас нь болж санаа алдсаныг ялгасангүй ч, асуухгүй байсан нь дээр гэж шийдлээ.


Last edited by zolushka_717 on Oct.23.15 2:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.24.15 11:48 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
4.

Өглөөний үзлэг маань нэгэн янзаараа уйтгартайхан явагдаж дуусах үес би 6-р сарын 20 болсныг мэдэв. Энэ бол би маргааш эмнэлгээс гарах өдрийг оролцуулаад энд дөнгөж 7 хонож буй гэсэн үг юм. Тэд миний бие эргэлт буцалтгүй сайжирч байгааг хараад боолтуудыг минь авсан нь дээр гэж үзжээ. Нүдний минь боолтыг ч гэсэн маргааш эрт тайлахаар болсон байлаа.
Чухал хэрэгцээтэй зүйлс тун өчүүхэн хэмжээгээр олддог хэрнээ ердөө долоохон хоногийн дотор нэг л мэдэхэд үнэлж баршгүй бүхнээсээ дэндүү ихийг алдаж орхисон байх нь үнэхээр гайхмаар ажээ. Акитака болон манай гэрийнхэн огт өөрчлөгдөөгүй нь мэдээж боловч надад танихгүй хүмүүс шиг санагдана. Гэвч өөрчлөгдсөн хүн нь гагц би л байлаа. Харин үүнээс болоод л бүх зүйл хувирчихсан боловч болж буй бүхнийг ажин хэвтэхээс өөр арга надад үгүй ажээ.
Би нүднийхээ боолтыг илэв. Алдсан бүхнийхээ төлөө миний олсон зүйл ердөө л ЭНЭ.
Үхэл. Үхэх газар, цаг нь мөн ч байж мэднэ. Гэсэн ч бас хэлбэр, дүрсгүй, хий хоосон ойлголт төдий л зүйл. Би үхлийг хөндлөн гулд туулж ирсний хүчинд одоо түүнийг харж чаддаг болжээ. Хоёр жил өнгөрсний эцэст нүдээ анхлан нээх үед анхаарлыг минь татсан эхний зүйл бол гайхаж цочирдон, над руу гүйн ирсэн сувилагч байсангүй, харин түүний хоолойг ороосон шугам байсан юм. Ганцхан хормын дараа бусад нь ч бас харагдах нь тэр. Хүн бүр, хана, бүр агаар хүртэл шугамтай бөгөөд миний харсан бүх зүйл дээр хөшилдөн, байнгын хөдөлгөөнд оршин, ёрын тайвнаар урсан тунарч байлаа. Энэ үед л би үүнийг ердийн нэг шугам биш харин миний байсан мартагдсан эс оршихуйн ан цав, хагархай болохыг ухаарсан юм. Ингэж ойлгомогцоо би дөнгөж эргэн ирээд байгаа ертөнцөд минь мөнөөх харанхуй нэвчжээ гэсэн айдаст автаж, сувилагч надад хандан юм хэлсэн ч би юу ч сонсох тэнхэлгүй шугамнууд руу мэдрэлгүй гөлрөн байсан бөгөөд тэдний наалдсан бүхэн нуран үхэж, хэсэг хэсгээрээ бутарч байгааг харж байлаа.
Энэ дүр зураг л нүдээ сохлох оролдлогын минь хөшүүрэг болсон билээ. Зарим талаараа ухаангүй айдаст автсанаасаа болж, бас зарим талаараа өөрөө хүссэн тул булчин шөрмөс болгон минь тамын тарчлаан адил аймшигтай өвдөж байсан ч би гараа хүчлэн хөдөлгөв. Гэвч бие цогцос минь үлбэгэр сул байснаас болоод нүдээ сохолж амжихаас өмнө эмч намайг зогсоож чадсан бөгөөд аз ч бай эз ч бай би зорилгоо биелүүлж чадаагүй билээ. Тэд намайг яагаад ингэсэн талаар тэгтэл их шалгаалгүйгээр ухаан санаа хараахан гүйцэд илааршаагүй гэдэг баримтыг үндэслэн энэ үедээ хүн өөрийн мэдэлгүй ямар ч үйлдэл хийж мэднэ гэж тэмдэглэлдээ бичсэн юм.
Гэвч одоо миний нүд эргэн сайжирсан ба цаашид үгүйсгэх аргагүй болжээ. Тэр ертөнцийг хоёр дахь удаагаа олж үзэхгүйн тулд би юу ч хийхэд бэлэн байв. Одоо байгаа ертөнцөө ч тэр, миний харж байсан хамгийн зэврүүн, хөндий хүйтэн газар болох нойрон дундах “ ” ертөнцийг ч тэр ялгаагүй. Би мөнөөх газрыг хар дарсан зүүд байсан гэж аль хэдийн тооцсон хэрнээ л дахин тийшээ очно гэж бодох төдийд л тэсэхийн аргагүй санагдаж байлаа. Гэтэл нүд минь тэр мартагдсан газартай уягдчихаад зүүд бус жинхэнэ байсныг нь нотлоод байдаг. Би хуруугаа нүднийхээ өмнө аваачив. Ердөө л илдний сургуулилтан дээрхи шигээ хурдхан, нямбай чичих л үлдээд байлаа.
-Азнаж үз, анд минь. 7 хэмжиж 1 огтол гэж дуулаагүй юу? Өө, арай л буруу үг сонгочихов уу даа гэх эмэгтэй хүний хоолой үүднээс сонстов. Би дуу гарсан зүг рүү харлаа. Надад түүний хэн болохыг санах цаг байсангүй. Гэвч хэн ч байсан ойртож байгаа нь дуу хоолойноос нь мэдрэгдэж байв. Гэхдээ хөлийн чимээ ер дуулдахгүй ажээ. Сайх эмэгтэй яг миний орны хажууд ирээд зогслоо.
-Үхлийг Танигч Шидэт Мэлмий. Устгахад дэндүү хайран эд шүү Шики. Тэгээд ч чи нүдээ сохолсон байлаа ч харахаар заяагдсан учир харах л болно. Үйлийн үр гэж мэднэ биз дээ? Хараал гэж бас тиймэрхүү юм байдаг юм шүү дээ.
-Чи хэн гээч нь вэ? гэж би ууртайяа асуухад тэр эрээ цээргүй гэгч нь инээдээ барьж ядах нь дуулдаж, бүр дайран дээр давс нэмэх шиг болов.
-Шидтэн. Чиний сайтар сонсох ёстой хүн. Наад Мэлмий чинь нэг ёсны төхөөрөмж гэсэн үг. Тийм болохоор бүхий л төхөөрөмжийн адилаар яаж хэрэглэдгийг нь зааж өгөх хүн чамд хэрэгтэй хэмээх зуур нь би түүний хоолойг танилаа. Ярих янз байдал нь ямар нэг байдлаар өөр дуулдавч өдөр бүр над дээр ирдэг хэл ярианы эмч гарцаагүй мөн байв.
-Яаж хэрэглэх ий?
-Ээ зөв. Юу ч мэдэхгүйгээсээ болоод бүгдийг орвонгоор нь эргүүлж хаяснаас хамаагүй дээр биз дээ? Чамд Үхлийн илэрхийлэгчийг харах чадвартай нүд байна. Селтикийн бурхан Балорт /Ирландын домогт гардаг духан дээрээ нүдтэй, ер бусын хүчтэй Фоморианчуудын хаан. Нүдээ нээхэд харсан болгон нь устдаг байжээ/ байсан шиг Шидийн хүч.
Юу гээч там бэ? Би эмэгтэйн ярианаас бүр юу ч ойлгосонгүй.
-Шидэт Мэлмий ихэнх тохиолдолд нүдэндээ зарим нэг зан үйл хийснээр бий болдог юм. Гэхдээ тэр явдлаас хойш чи ийм нүдтэй болсон биз дээ? Үхэлтэй нүүр тулах нь Мэлмийг чинь сэргээж чадах зүйл мөнөөсөө мөн байсан. Гэхдээ найдвартай эх сурвалжаас олж мэдсэнээр бол чи үргэлж л ийм байсаар ирсэн.
Би түүний чухам юун тухай яриад байгааг ойлгож байсан бөгөөд ой дурсамж минь ч үүнтэй нь тохирч байлаа. Шики хэзээнээс нааш зориуд биш боловч хүний төрх байдлыг бус зан чанарыг нь таньж хардаг байсан юм. Эмэгтэй энэ бүхнийг яаж мэдсэнийг би хараахан ойлгож амжаагүй бөгөөтөл тэр миний талаар бүгдийг мэддэг юм шиг дуржигнуулсаар байлаа.
-Тэр бол Шикигийн арга барил. Харин чи бүр ч илүүг харах хэрэгтэй. Байгаль аливаа бүхэнд худал хуурмаг, сул тал заяасан байдгийг ойлго. Дараа нь юм болгон эцэстээ сүйрч, устахын тулд энтропид очдог гэдгийг ойлго. Үхлийн хязгаарт тийм удаан байсан юм чинь чамд үүнийг ойлгох ухаан бий. Харин чиний нүд тэр сул талуудыг микроскоп шиг нарийвчлан тодруулж, хэний ч үл үзэх шугамуудыг олж харах боломж олгож байгаа юм. Чамд харагдаж байгаа зүйл бол аливаа юмсын үхэл, төгсгөл нь бөгөөд чи тэдэнд хүссэнээрээ хүрч, бас огтчиж чадна. Ерөнхийдөө Балор та 2 тийм ч өөр биш байгаа биз? Тэгсэн ч Мэлмийн дээрээ хурууны ором үлдээхийг тэгтлээ хүсээд байвал тэрнийхээ оронд надад зарчих. Дуртайяа чамд заах хичээлүүдийнхээ нэгэнд тооцчихъё.
-Тэгсэн ч гэсэн би тэднийг харах л болно гэж чи хэлсэн. Тэгэхээр би яагаад чамд өг...
-Чи бас хүний яриаг чагнаж чаддаг юм байж ээ? Тэгвэл үүнийг чихээ дэлгийлгээд чагнаж ав. Чи хэзээ ч жирийн амьдралаар амьдарч чадахгүй гэж мэд. Бас одоо яншиж гомдоллохоо боль. Зүүд нойрноосоо салах цаг чинь болсон. Одоо сэр. Миний ертөнцөд, далд ертөнцөд нэвтэр. Чи тэнд байхаар заяагдсан. Аз жаргал гээч юм чамд тэртээ тэргүй зориулагдаагүй.
Түүний үгс эцсийн тогтоол адил бат итгэлтэй ажээ. Гэвч дэндүү гэнэтийн бас санаанд оромгүй дүгнэлт тул ухаан бодол минь зөвшөөрөхөөс татгалзаж байв.
-Гэхдээ... надад амьдрах хүсэл ч үгүй болсон гэж би арайхийн бувтналаа. Тун ч ядуу хариулт гэлээ надад үүнээс өөр хэлэх зүйл байсангүй.
-Аан, таах гээд үзье л дээ. Сэтгэл чинь хоосорсон болохоор тэр үү? гэж тэр тохуурхаад:
-Тэгсэн мөртлөө үхэхийг хүсэхгүй байдаг. Яагаад гэдгийг нь мэдэж байна уу? Яагаад гэвэл чи гуравдугаар зэргийн Кабалистуудын /1.суралцагч, 2.нууц зан үйлч/ төсөөлж ч чадахгүй тэр бурхны хишгийг нүдээр үзсэн болохоор тэр юм, ач санаж мэддэггүй жаал гуай. Сонс, би чамд тулгараад байгаа асуудлыг нэгмөсөн цэгцлээд өгье. Тусгаар бие хүн болж хэзээ ч чадахааргүй үе чамд байсан бол одоо тийм биш. ШИКИ байхгүй. Чи одоо огт өөр хүн болсон. Чи амьдрах хүсэл алга гэж гүвтнэх хэрнээ үхлээс зайлсхийнэ. Амьд байх шалтгаан алга гэдэг мөртлөө үхлээс айна. Чи бол хоёр хязгаарын гол дээр суусан, байдаг л нэг хулчгар амьтан. Үгүй гэж үү? Сэтгэл чинь яагаад ийм хоосон байгааг одоо ч гэсэн гайхсаар л байна уу? гэлээ.
-Чи намайг мэддэг юм шиг ярьж яаж зүрхэлж байна аа? Би огт тийм...
Би арайхийн биеэ өмөөрөх тэнхээтэй болсон ч яриа минь тасалдах нь тэр. Гэвч миний үгийг тэр тасалсан хэрэг биш ээ. Би боолтоо нэвтлэн түүний дүрсийг, бас түүний яриад байсан мөнөөх шугамуудыг олж харсан тул өөрөө дуугүй болсон нь тэр. Үхэл өөрийн биеэр миний хуруунд сүлжилдэн байлаа.
-Байгаа байдлаас чинь үзвэл чи шугамнуудыг дахин харсан бололтой. Тун амархан сонор сэрэмжээ алдаж байгаагаас тэр дээ. Энэ эмнэлэг дээрхи тэнэмэл хий үзэгдлүүд чамайг элсүүлэхдээ баяртай байх болно. Хурдхан шиг өөрийгөө цэгцлэхгүй бол тэд биед чинь тухтайхан суурьшаад авах болно шүү.
Тэр цагаан утааны талаар ярьж байгаа байх нь. Гэхдээ сүүлийн үед харагдаагүй дээ.
-Тэд чамтай нөхөрлөх болно. Тэд чинь ердөө л зарим хэсгээрээ энэ ертөнцөд хүлэгдсэн, ямар нэг юм тэднийг явуулахгүй байгаа сүнснүүд. Өөрийн гэсэн ухамсаргүй, үгүй ядахдаа бидэнтэй адилгүй. Гэхдээ биедээ буцаж очих гэсэн хүсэл зорилго, зөнтэй. Энд өч төчнөөнөөрөа бий. Шашны зан үйл гүйцээгчид сүнстэй харьцахдаа эзэмдүүлчихгүйн тулд биеэ хамгаалдаг байхад чам шиг хөндийрч хоосорсон хүнийг эзлэх нь машин хулгайлахтай л адил хялбар хэрэг гэж тэр зэвүүцсэн янзтай хүүрнэв.
Хэрэв энэ үнэн юм бол тэд яагаад намайг эзэмдчихээгүй байгаа билээ? Би ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй шүү дээ.
-Өрөвдөлтэй юм. Чамайг хамгаалах гэж илүү ажил удан байж тавьсан бичээст чулууны хоригийг минь хүртэл дорд үзэж байх шив. Бидний санал нийлэхгүй нь бололтой. За за, хүсч байснаараа нүдээ... Одооноос эхлээд чиний яах ийх надад падгүй гэсэн үгсийг чулуудаад тэр босч, үүд нээх нь дуулдав. Гэвч хаалга хаахаасаа өмнө надад сүүлчийн ганц асуултаа тавилаа.
-Гэхдээ чи үнэхээр ШИКИгийн Риоги Шикигийн төлөө золиослосон бүхнийг дэмий үрэх гэж байгаа юм биз дээ?
Энэ бол түүний өнгөрсөн амьдралыг минь сөхөн гаргаж ирдэг, миний хариулж чаддаггүй асуултуудынх нь нэг байлаа. Ингэж хариултаас зайлснаараа би нэг л зүйлээ алдчихсан мэт, бас тэр зүйлээ алдсан шалтгаанаа олоогүй байгаа мэт санагдлаа.

Шөнө болж, өрөөнд харанхуй нөмөрчээ. Энэ орой үүдний хонгилд хөлийн чимээ ер сонсогдохгүй бөгөөд уулын гүнд байгаа мэт нам гүм дуулгавартайгаар ноёлоно. Миний толгойд эмчийн яриа, ялангуяа түүний сүүлчийн үг дахин дахин эргэлдэж байв.
“ШИКИ чи яагаад Шикитэй байраа сольсон юм бэ?” гэж би дотроосоо асуусан ч, ШИКИ хариулсангүй. “Чи яагаад алга болсон юм бэ? Оронд нь чи юу олж авах байсан гэж? Чи үргэлж л зүүдлэх дуртай байсан. Дандаа л унтах дуртай байсан. Гэтэл тэр бороо шаагьсан шөнө чи тэр бүхнээ хаяад үхчихсэн байдаг. Чи бол миний хэзээ ч уулзаж чадахгүй би, хэзээ ч уулзаж чадаагүй би шүү дээ”
Би түүний яагаад тэгснийг тайлбарлаж болох дурсамжийг нэг бүрчлэн хайн, тархиа онгичин зовоосоор аажмаар нойронд автлаа. Аанай л амжилт олсонгүй.

Өрөөний хаалга зөөлхөн чахрав. Хэн нэгэн орж ирж буй бололтой. Удаан, хүнд хөлийн алхаа ойртоно. Сувилагч юм болов уу? Үгүй ээ, шөнө дунд өнгөрчихсөн шүү дээ. Эргэлт юм болов уу? Гэхдээ ийм орой хэн...
Хүйтэн гар хүзүүгээр минь. энхрийлэн ороон авлаа. Гэтэл тэр дорхиноо атгалт нь чангарч, хүзүүг минь зугуухнаар шахан багалзуурдаж эхлэх нь тэр ээ.


Last edited by zolushka_717 on Oct.24.15 11:48 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.25.15 7:07 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
5.

Огцом даралтнаас болж Шики шаналан багтрав. Бахь шиг базсан хуруунууд чангарах тусам хоолойнд нь үлдсэн агаар зугуухан шахагдаж дуусахыг мэдэрч байсан ч яаж ч чадсангүй.
“Энэ янзаараа бол боож үхэхээс минь өмнө хүзүү бяцрах нь байна”
Харж чадахгүй ч Шики довтлогчийнхоо нүүр лүү эгц ширтэхийг оролдов. Дэндүү ойрхон байсан тул үнэр нь хамар сэтлэх шахах ба амьтай зүйл биш болох нь тодорхой байлаа. Үхдэл түүний дээр сүүтэгнэн, атгалтаа ганц ч хором сулруулсангүй. Шики дайснаа хоёр гараараа зууран холдуулахыг оролдсон ч нэмэр болсонгүй. Хэн нь хүчтэй нь тов тодорхой байв.
“Байзаарай, гэхдээ би энэ бүх хугацааны турш үүнийг л хүсч байгаагүй бил үү?”
Тэр эсэргүүцэхээ больж, амьсгалахаа зогсоов. Би үхэхийг сонгож байгаа бол аль болох хурдан байсан нь дээр биз. “Эцсийн эцэст амьдрахгүй амьдрахаас дор зүйл гэж үгүй. Би байхгүй болсон нь зөв.”
Тэрнийг бууж өгмөгц хамаг хүч тамир нь сулран сарнилаа. Ердөө хэдхэн хором өнгөрсөн ч Шикид цаг хугацаа удаашран, зүдүүртэйгээр суначихсан юм шиг санагдаж байв.
Цэв хүйтэн, төмөр мэт хуруунууд арьсанд шигдэж, бүлээн нулимс, халуун цус амьд амьдралын илэрхийлэл болон урсан шүүрлээ.
“Би ШИКИ шиг үхэж, үгүй болох нь. Би амь амьдралаа ууттай хог шиг хөсөр хаяж байна”
Шики зогтусав.
“ШИКИ үнэхээр үхэхийг хүссэн гэж үү? Би энэ талаар өмнө нь огт бодож байсангүй. Мэдээж тэр яалаа гэж үхэхийг хүсэх вэ дээ. Гэхдээ ямар нэг юмыг хамгаалахын тулд ...өөр сонголт олдоогүй. Намайг ч гэсэн үхүүлэхийг хүсээгүй. Учир нь үхэл гэдэг чинь ганцаардмал, түнэр харанхуй, муу ёрын, бас юу юунаас илүү аймшигтай зүйл”
-Үгүй хэмээн Шики хахаж цацан хэлээд эсэргүүцлээ үргэлжлүүлэн, довтлогчоо түрүүчийнх шиг хоёр гараараа барин авч, гэдсэнд нь хөлөө жийлээ.
-Юу ч байсан болно. Ганцхан тэр газар луу л эргэж очихгүй гээд тэр хамаг хүчээ хөлдөө хуримтлуулан үхдэлийг тийрэхэд багалзуурдсан гар Шикигийн хүзүүн дээрхи арьс, цусан дээгүүр гулсан тавигдав. Шики тэр даруйхан босч, хөлийнхөө хурдаар орноос холдсон ч үхдэл түүний ардхан талд харанхуй өрөөнд гараа сарвалзуулан, Шикиг барьцтайхан зуурч авахыг хичээсээр байлаа.
Үхдэл түүнээс 2 толгой өндөр, насанд хүрсэн эрэгтэй хүн болохыг Шики барагцаалав. Тэр сохор нүднийхээ хэрээр сарвалзахын хажуугаар үхдлийн дайралтнаас хамгаалахын тулд өрөөг баримжаалахыг хичээн тэмтчих тул нэлээдгүй зүдэрч байлаа. Тэр ухрав. Ухарсаар байгаад хананд нуруугаараа тулчихав.
Ард нь гэрэл овойн мэдрэгдэхэд тэр тайвширлаа. Гэрэл цонхон тушаа байдаг билээ. Үхдэл ойртон ирж, агаар зүсэн гар сунгах нь дуулдсан ч Шики хэсэг хугацаанд ч атугай довтолгоог нь торгоож чадав. Ард нь байгаа цонх болон үхдлийн зогсож буй газар бол түүний яаруу сандруу бодож олсон төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд сүүлчийн нэг л асуулт толгойд нь эргэлдэн, шийдэж ядан эргэлзэж байлаа. Бид хэдэн давхарт байна вэ?
-Бүү эргэлз гэж тэр өөртөө тушаагаад чадах чинээгээрээ хурдан хөдөлж, үхдэлийн гарыг тавиулав. Үхдэл огтхон ч цаг алдсангүй хүзүү рүү нь дахин довтлон ирсэн ч, Шики илүү хурдан байсан ба сул болсон гараараа цонхыг нээж амжив. Үхдэл хамаг жингээрээ дайран ирж, түүнийг зууран авахад тэд орооцолдон цонхоор унах нь тэр ээ.
Нүд ирмэхийн зуурт үхдэл бид 2 цонхны гадна, задгай агаарт байж байлаа. Дараа нь би үхдлийн мөрнөөс шүүрэн авч, доош чангаан байраа солив. Тэр миний доор орсон тул би зөөлөн газардана гэсэн үг. 1-2 хормын дараа үхдэл газар цохив. Би хүчтэй доргилт мэдэрсэн боловч тэгтэл их өвдсөнгүй. Намайг үсрэн холдоход газардахад минь жинтүү болсон үхдэлийн гар, хөл эмнэлгийн хашаанд хог адил тархан бутарсан байв. Унахаас өмнөхөн сонсогдсон навч шаржигнах чимээнээс үзвэл цогцос алд хэрийн цаахна байх цэцгийн мандал дээр унасан бололтой.
Гайхалтай газардлаа шүү. Дэндүү гайхалтай учраас миний бие бүхэл бүтэн 3 давхрын дээрээс унаснаа гүйцэж ирэх гэсэн мэт хөшчихжээ. Салхинаас цэцэрлэгийн шинэхэн модод, навчис үнэртэнэ. Сүүлийн хэдэн хоромд тохиосон сэтгэл хөөрлөөс яг эсрэгээрээ шөнө үхсэн мэт таг чиг. Би хөдөлгөөнгүй зогсон, хоолой минь лугшин өвдөхийг мэдрэв. Энэ бол би амьд байна гэсэн үг билээ.
Үхдлийн хувьд... за за ер нь юу ч байсан тэр хараахан эцэслээгүй байлаа. Үхэхийг хүсэхгүй л байгаа бол би юу хийх ёстойгоо мэдэж байв.
Ал. Намайг алахаас нь өмнө ал.
Ингэж бодмогц хэдхэн хормын өмнө сэтгэлийг минь базан зуурч асан гүн ангал шиг хоосрол ор мөргүй алга болов. Бүхий л зовнил, бүхий л шаналал нэг дор үгүй болж орхих нь тэр.
-Ингээд л болоо юу? гэж би шивнэв. Энэ мөчид л би жинхэнээсээ сэрлээ.
Хариулт нь ийм энгийн, ийм амархан байсан атал тэгтлээ санааширч суудаг би хичнээн тэнэг, ухаангүй байгаа вэ?
-Бид ч үнэг шиг заль мэхтэй хүмүүс юм аа, үгүй гэж үү? гэх хоолой ард нь дуулдахад Шики мэдрэлийн эмчээ шууд танилаа. Гэсэн ч унаснаасаа болж цочролд орчихоод байсан тул эргэж харсангүй.
-Дахиад л чи юу? Эмч гэхэд арай орой явж байгаа юм биш үү? гэж Шики асуувал:
-Хамгаалалтанд гарч яваагаа чамд мэдэгдчихье гэж нэр зээлдэгч шидтэн хайхрамжгүй хариулаад:
-Чамайг гарахаас өмнө, өөрөөр хэлбэл өнөө орой хэрэг явдал яаж ийгээд эцэстээ хүрэх байсан юм. Энэ сүнснүүдэд чиний бие хэрэгтэй байсан ч авч чадаагүй болохоор асуудлаа шийдэхийн тулд үхсэн хүний цогцосыг эзэмдэж гэлээ.
-Өрөөнд минь орхисон нөгөө хачин чулуунаас болсон л гэж битгий хэлээрэй дээ.
-Ө-хө, санаж байна гээч. Үгүй дээ, чулуу ямар ч буруугүй. Гэхдээ энэ бол миний урьдчилж харж чадаагүйгээс болсон алдаа гэдгийг зөвшөөрч байна. Би сүнснүүдийг үл нэвтрүүлэх хориг тавьсан байсан болохоор түүнийг давахын тулд тэд цогцос олоод авчихаж. Ер нь бол тэд ийм ухаалаг байдаггүй. Цогцосны тал дээр ч, бас заавал чамайг онцгойлон эзэмдэх гээд байгаа няцашгүй шийдвэрийн хувьд ч тэр. Энэ бүхний ард хэн нэгэн байгаа юм шиг санагдаад байна гээд шидтэн өөрийн төрөл нэгтэнтэйгээ тоглож байхдаа бодлогын бяцхан алдаа гаргачихсан мэт инээд алдав.
-Чамд алдаагаа залруулах боломж олдож байна. Ханцуйндаа нуусан шиднээсээ надад жаахныг үзүүлж болно биз дээ? Шидтэн гуай.
-Дургүйцэх зүйлгүй л дээ гээд шидтэн хуруугаа индчэв. Тэр агаарт мудра зурах мэт гараа хөдөлгөөд, гар дахь тамхиараа шулуун зурааснуудаас бүрдсэн ямар нэг тэмдэг дүрслэхэд мөнөөх тэмдэг нь гэнэт алмайрсан үхдэл рүү өөрөө онилов. Энэ бол түүний шидийн хүчний холбоос буюу чулууны бичээс бөгөөд тэр үүгээрээ гал асаан няцарсан үхдэл рүү алсаас илгээлээ.
-Үүнд миний Анзус дэндүү сулдаж байна гэж тэр илтэд урам хугарсан янзаар бувтнав. Шалтгаан нь ч удалгүй тодорхой болох нь тэр. Гал цоролзон үхдлийг тэврэн авсан ч, үхдэл үүнийгээ тоосон шинжгүй босохоор зүтгэв. Хоёр хөл нь хугарсан нь ойлгомжтой байтал тэр дахин нэг удаа босч, Шикиг чиглэн гэлдэрлээ. Удсан ч үгүй галын хүч дуусч, унтрав.
-Тэр үнэхээр зогсож чадлаа гэж үү? Чи үнэхээр шидтэн юм уу эсвэл тэнэг амьтан юм уу?
-Чи арай дуулгавартай байсан бол сайхан байхгүй юу. Энэ хүнд тохиолдол байна, бас миний мэргэшсэн зүйл биш гэдэг нь ойлгомжтой боллоо. Жирийн хүн байсан бол түс гээд л гүйцээ. Даанч хүүр болохоор гар хөл, бүр толгойгүй болсон ч ажрахгүй байна. Энийг зогсоохын тулд хүүр шатаах зуух хэрэгтэй. Эсвэл шашны онцгой хувраг...
-Түргэхэн ярь за юу? Товчхондоо гэвэл чи чадахгүй юм байна.
Шидтэн Шикигийн хэлэхийг сонсоод зэвүүрхсэн харц чулуудав. Түүний бардам зан хүчин мөхөстсөнөө өмгөөлөхийг шаардан байлаа.
-Шинээр нээсэн авьяас чинь чамайг энэнээс үргэлжид аварна гэж эндүүрэх хэрэггүй шүү. Наадах чинь хэдийн үхсэн. Чи хүн алж чадаж магадгүй ч, үхэл ниргэсэн зүйлийг устгахад дэндүү хол байна. Одоохондоо ухарсан нь дээр гээд шидтэн хойш нэг алхав. Гэсэн ч Шики унахдаа бэртэж гэмтээгүй атлаа хөдөлсөнгүй. Айсуй дайсанг нь зогсооход энэ галзуу үйлдэл нь хангалттай мэт тэр инээмсэглэн байлаа.
-Үхсэн ч бай яасан ч бай энэ юм хөдөлж л байгаа бол амьд гэсэн үг биз дээ? Тэгвэл... гээд Шики дээшилж, араатан маягаар бөхийн зогсов. Тэр хүзүүндээ хүрч, түрүүн багалзуурдах үед шалбарсан арьсныхаа ширхэг бүрийг, шархнаас нь шүүрэх амьдрал буцалсан дусал цус бүрийг мэдэрлээ. “Гэхдээ би амьд байна” Сэтгэл нь хөөрч булгилав.
-...юу ч байсан би алах болно гэж тэр үгээ дуусгалаа.
Шикигийн нүдийг дарсан боолт сулран салхинд хийсэн одож, түнэр харанхуй шөнө шидэт Мэлмий нь чөлөөлөгдөв. Чингээд Шики хоёр хөлөндөө хүчээ шингээн гүйж эхлэхэд гишгэх бүрт нь хөл доорхи хөрс бутран бужигналаа.
Тэр одоо бүгдийг харж байв. Цогцосыг, бас түүнийг ойртох үед гараа өргөн дайралтанд бэлдэж байхыг нь ч харав. Шики доогуур нь бултаж амжлаа. Хамгийн гол нь тэр шугамуудыг харж байв. Мэдэгдэхгүй шахам хэмнэлээр лугшин цохилж, урьдынх шиг аймшиг дагуулах бус харин ч бүр урин даллан буйг нь харж байлаа. Шики үхдэлийн бие дээгүүр гүйх шугамнуудын нэг нь баруун мөрнөөс нь зүүн ташаа хүртэл сунасан байгааг олж хараад ганц гараараа тасдаж орхив. Шугамыг хялбархан нэвтэлсэн юм шиг харагдсан боловч Шики нэг хуруугаа хугалжээ. Гэхдээ л хоёр хэсэг болж хуваагдсан дайсантай нь харьцуулахад юу ч биш байлаа.
Үхдэл утаснаасаа тасарсан хүүхэлдэй мэт бөөгнөрөн унаж, хөдлөх чадвартай байгаа ганц гараараа Шикигийн хөлнөөс шавж шиг салахгүй зуурав. Шики өчүүхэн ч өршөөл үзүүлсэнгүй, тэр дор нь дэвсэн хаялаа.
-Чи чинь ямар гээчийн хэнд ч хэрэггүй үхдэл вэ? гэж тэр хэзээ хэзээнээс илүү зэвүүцэнгүй тургилаад:
-Нүднээс далд ор гэлээ.
“Би амьд. Тэр бүх зовнил, айдас түгшүүр хэзээ ч байгаагүй юм шиг алга боллоо. Оронд нь би амьд гэсэн цорын ганц үнэн л үлдэж” хэмээн Шики дотроо инээд алдан чимээгүйхэн бодов.
-Шики гэж шидтэн дуудаад нарийхан мөнгөлөг зүйл шидлээ. Ямар ч хээ хуар, гоёл чимэггүй хутга Шикигийн хөлний дэргэд унахаасаа өмнө сарны туяаг ойлгон гялалзав. Шики хутгыг газраас авч, анхных нь үүргийг хүлээлгэв. Түрүүхэн хөлнөөс нь зүүгдэж асан хагас болсон зөрүүд цогцос руу хяламхийгээд хутгаа хоолойд нь тулгавал үхдэл тэр дороо хөдлөхөө болих нь тэр. Гэтэл шидтэн дахин хашхирлаа.
-Яадаг тэнэг вэ? Зүрхэнд нь зоогооч.
Гэвч оройтжээ. Түүний сануулгаас урьтан Шикигийн хэдийн мэдэх болсон цагаан утаа хутга доошлох мөчид тунарсан шинжиндээ орж урсан, Шикигийн бие рүү орж, тэр ховсдуулсан мэт өвдөг дээрээ сөхрөн уналаа. Шики алуурчны оргилон буцлах хүсэлдээ төөрч, өөрийгөө умартах мөчид тэд түүнийг эзэмдэх оролдлогоо хийсэн нь энэ ажээ.
Шидтэн Шикид ойртлоо.
-Дуусгаж чадсангүй шүү, ухаангүй амьтан.
Гэсэн ч Шики өчүүхэн төдий боловч ухаантайгаа байгаа бололтой, шидтэний зүг гараа сунгалаа. “Битгий ойрт” гэж хэлэх шиг санагдсан тул шидтэн зогсов. Тэгтэл Шики хутгыг амьдралын эцсийн найдвар мэт хоёр гараараа нандигнан авч, цээж рүүгээ чиглүүллээ.
Түүний хоосон нүдэнд шийдмэг харц дахин тодров. Шүд нь хавиралдан тачигнаж байвч уруул нь хөдөлсөнгүй бөгөөд цээжиндээ тултал нь хутгаа ойртуулсаар байлаа. Миний бие махбодь ч тэр, сэтгэл доторх хоосрол минь ч тэр ямар нэг балай сүнсэнд одоохондоо эзлэгдчихээгүй байна гэж Шики дотроо хэлэх аж.
-Одоо чамд зугтах газар үгүй болсон гэж тэр өөртөө хэлээд гай болоод буй мөнөөх хий үзэгдлийн үхлийг олж харж, үгүй хийж, шидээ биежүүлэхээр Шидийн Мэлмийгээ тогтоолоо. Хийх гэж буй зүйлээсээ болж гэмтчихгүй юм сан гэж тэр бодоод хүчээ хуримтлуулав.
-Би өөрийнхөө сул талыг үгүй хийх болно. Тэгвэл чи Риоги Шикиг хэзээ ч авч чадахгүй гэж хэлээд тэр хутгаа түлхчихлээ. Хутга арьс махыг нь уян налархай гэгч нь нэвтлэн орж явчихав. Хөдөлгөөнгүй хэдэн хором болсны эцэст Шики хутгаа цээжнээсээ сугаллаа. Цус гарсангүй, бүр хутган дээр цусан судал ч байсангүй ч, аймшигтай өвдөх ажээ. Шики сүнсний нүдэнд үл үзэгдэх муу муухай бүхнийг зайлуулах гэсэн мэт хутгаа хүчтэй савчин сэгсэрчихээд шидтэнд хандан:
-Би чиний хэлснийг саналаа. Чи надад энэ Мэлмийг яаж хэрэглэхийг зааж өгнө гэсэн байх аа гэлээ. Түүний итгэлгүй, чичирхийлэн байсан хоолой итгэл дүүрэн болжээ. Шидтэн сэтгэл ханасан янзтай толгой дохиод:
-Гэхдээ эндүүрэх хэрэггүй шүү анд минь. Энэ бол наймаа. Чи авьяасаа төвлөрүүлж сурна, оронд нь миний ажилд туслана. Саяхан би туслахаа алдчихсан болохоор дахиад нэг хүн хэрэгтэй байгаа юм хэмээв.
-Тэгж л таараа гэж Шики ачтан руугаа хялам ч хийсэнгүй хэлээд:
-Наадах чинь би хүн алж болно гэсэн үг үү? гэж асуулаа. Шидтэнгийн бие хүйт оргисон ч тэр юу ч болоогүй юм шиг хариулав.
-Мэдээж.
-Тэгвэл чи намайг авч болно. Надтай хүссэн бүхнээ хий. Тэртээ тэргүй надад ямар ч зүг чиг алга.
Шики үгээ дуусгав уу үгүй юу тулаанд туйлдаж ядарсан, өвдөж шаналсан гунигтай төрх тодруулаад үхэтхийн унаад өгөв. Шидтэн түүнийг хоёр гар дээрээ өргөөд, унтаж буй царай руу нь удаан гэгч нь ширтлээ. Хэдхэн хормын өмнө байснаасаа шал өөр болсон бөгөөд энэ хацраар нь хэзээ ч амь амьдралын туяа гүйж байгаагүй гэмээр амар амгалан харагдах аж. Шидтэн Шикигийн сонсож буй үгүйг үл хайхран сэтгэлийн үгээ хүүрнэлээ.
-Зүг чиг үгүй гэнэ ээ? Харамсалтай нь дахиад л чиний буруу байлаа.
Тэр Шикигийн царай дээрх амар амгаланг жигшиж эхлэв.
-Яагаад гэвэл хоосорсон сэтгэлийг хүссэн хэмжээгээрээ дүүргэж болдог юм шүү дээ, од нь гийсэн жаал минь. Үүнээс сайхан нөхцлийг чи хаанаас олох юм бэ? гээд иймэрхүү эелдэг зөөлөн үгсийг хэдийнээ мартсан гэж бодож байсан Токо өөртөө дургүйцэн шогширлоо.



Last edited by zolushka_717 on Oct.25.15 7:07 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.25.15 7:50 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Х хэсэг

Аажим аажмаар би зүүд нойронд автлаа. ШИКИ гэгч эр нэгэнт үгүй болсон. Гэвч зүүдэнд минь хүртэл тэр тэгж алга болсноороо юу олж авсан, бас юу хамгаална гэж найдсан юм бол? гэсэн асуулт оршсоор байв. Харин энэ асуултанд Риоги Шикигийн ой дурсамж хагацлын бэлэг адил зүүд нойрон дунд нь хариуллаа.
Тэрний, бидний эрж хайсаар ирсэн амар амгалангийн мөрөөдлөө хамгаалахын тулд тэр хорвоог орхижээ. Үүнийгээ олсон гэж тэр бодсон байв. ШИКИ хүүд итгэсэн. Тэр миний төлөө, бас тэр хүүгийн төлөө үхэж, намайг энэ эцэс төгсгөлгүй, түнэр харанхуй ганцаардал дунд үлдээсэн ажээ.

Нарны бүлээн туяа зовхио нээ хэмээн хүчлэх шиг болоход би Мэлмий минь боолтгүй, бас сохор биш болсноо санав. Би орондоо хэвтэж байлаа. Намайг урд шөнө ухаан алдахад шидтэн бүгдийг зохих байранд нь оруулан, намайг өрөөнд авчирсан байх нь.
Би огт хөдөлгөөнгүй хэвтээд өчигдөр намайг эзэмдсэн түнэр харанхуйг угаан арилгах гэсэн мэт чадах чинээгээрээ өглөөний тунгалаг агаарыг сорон, дулаахан, хөнгөхөн нарны гэрлийг биедээ шингээв. Өглөө эртийн зуурмаг хөшүүн байдал ихэр оршихуй минь эрх чөлөөтэй амьдрал бүтээн одсон зүүдтэй минь холилдоно. Би ШИКИгийн араас уйлахыг тэсгэлгүй их хүсч байсан ч, би ганц л удаа уйлна гэж шийдсэн билээ. Тэр миний хэзээ ч буцаж очиж чадахгүй бүхнийг төлөөлөх боловч одоо нулимс урсгах цаг нь ч биш, газар нь ч биш байлаа. Би уйлсангүй. Дээрээс нь тэр хэнийг ч уйлуулалгүйгээр алга болохыг хүссэн шүү дээ.
-Өглөөний мэнд, Шики гэх хоолой гэнэт орны хажуунаас сонсогдлоо. Би дуу гарсан зүг рүү харвал бүтэн хоёр жилийн нүүр үзсэн ч гэлээ дүр төрх нь огтхон ч хувираагүй, танил найз маань сууж байв. Засч янзлаагүй, хар үс, хар хүрээтэй нүдний шил нь хоёул өнгөрсөн үеэс үсрээд гараад ирсэн мэт ямар байсан яг тэр чигээрээ байлаа.
-Чи намайг... таньж байна уу? гэж тэр илтэд эргэлзэнгүй асуув. Тэгэх шаардлага байгаагүй юм сан.
Тийм, би таньж байна. Чи бол намайг хүлээж, намайг ажиглаж, надад санаа тавьсан ганц хүн.
-Кокуто Микияа биз дээ? гэж би шивнэх шахам хэлээд:
-Овог чинь миний чихэнд Франц шүлэгч шиг дуулдсан хэвээрээ л байна гэхэд тэр сургууль дээр 2 дахь удаа уулзаж байсан шигээ нүүрэнд нь гэрэл цацрах адил инээмсэглэв. Тэр бидний амлалтын талаар санаж байгаа болов уу гэж би гайхлаа.
-Сайхан өдөр байна. Эмнэлгээс гарахад яг тохирч шүү, тийм ээ?
Би түүний нүдэнд нулимс цийлэгнэж байхыг харсан атал тэр хамаг чадлаараа нулимсаа барихыг хичээн, юу ч болоогүй мэт ярихыг хичээж байлаа. Сэтгэл хөдөлмөөр юм. Тэр усан нүдлэхийн оронд инээмсэглэхийг сонгожээ.
ШиКи ганцаар байхын оронд тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн шиг. Даанч би алийг нь дагахаа мэдэхгүй байлаа.
-Надад алдаагүй зүйл бас бий бололтой гэж би түүнийг ширтэн, сэтгэл дүүрэн шивнэхэд ардах цонхоор нь нарны гэрэл тусан, түүний инээмсэглэлийг сүүдэртүүлэн гэрэлтүүллээ. Ийм үйлдэл миний хоосон зүрхийг анагаахад хангалтгүй гэдгийг мэдэж байсан ч...
Энэ инээмсэглэл миний санаж буйтай ижил бөгөөд цаг хугацаа, халтартаж цоохортсон дурсамжинд ч хувирч өөрчлөгдөлгүй үлдэж чадсан ажээ.

Гоетийн хязгаар

Олон жилийн туршид хумсын төдий ч хувираагүй, цаг хугацаа зогссон мэт өрөөнд охин орон дээрээ чичигнэн хэвтэж байлаа. Хаалга гийчин нэвтрүүлэлгүй удсан боловч өнөөдөр нэгэн хүнийг оруулжээ. Хөлийн гишгээ нь нэг хоромд нэг, дараагийн хоромд дахин нэг гэх мэт өрөөн дотор сонстоно. Эргэлзэх явдалгүй, тэр мөн байлаа.
Тэр өндөр нуруутай, зэвхий царайтай бөгөөд үхлийн дараахи ертөнцийн хүнд дарамтнаас булингартсан харцтай ажээ. Түүний зэвүү хүрэм нүд зөвхөн охиныг ширтэх бөгөөд харин охины харцанд шоронгийн хуягаа харж буй хоригдлын айдас дүүрэн байлаа. Түүнийг орж ирмэгц өрөө бүр ч хоосорч орхисон бөгөөд үхэхийг хүсдэг охин хүртэл аймшигт айдаст автах нь тэр.
-Фүжо Кирие мөн үү биш үү?
Түүний хоолой мөс шиг хүйтэн, хахир хатуу байлаа. Фүжо Кирие харалган хэдий ч зочноо харахыг оролдох зуураа:
-Та аавын минь найз уу? гэж асуув. Эрэгтэй хариулсангүй. Гэхдээ Кирие хариултыг мэдэж байлаа. Кириегийн гэрийнхэн нас барсанаас хойш энэ хүн түүний эмнэлгийн төлбөрийг төлж байгаа юм.
-Энд яах гэж ирсэн юм бэ? Надад таны төлөө хийж чадах юм байхгүйг та мэдэж байгаа шүү дээ гэж тэр айж буйгаа нуухыг оролдон асуув.
Эрэгтэй хөдөлсөнгүй боловч:
-Би хүслийг чинь биелүүлэхээр ирлээ. Чи энэ шоронгоос чөлөөлөгдөж, өөр хүн болохыг хүсч байна уу? гэж асуув. Түүний энэ боломжгүй асуултанд ямар нэг шидийн зохилдлого байгааг охин мэдэрсэн ба ийм утгагүй зүйл хүртэл биелэж болох юм шиг санагдаад явчихав.
Хэсэг хугацаанд чимээгүй байсны дараа охин хоолой чичигнүүлэн зөвшөөрөхөд эрэгтэй толгой бөхийн, баруун гараа өргөлөө.
Энэ газар, энэ мөчид тэр охиныг хар дарсан зүүднээс нь сэрээж, мөрөөдлийг нь биелүүлжээ. Гэвч үүнээс нь өмнө охин:
-Та чухам юу... хэн бэ? гэж асуухад эрэгтэй:
-Намайг... гэж хариуллаа.

Тэр хаягдсан баарыг орхин, замдаа орлоо. Алхам бүр нь даагдашгүй хүнд бөгөөд тасалдуулан амьсгалах тоолондоо тэр ухаан алдахад алхам алхамаар ойртож байсан тул гэрэлтүүлгийн шон, байшингийн хана түшиж, газар унахаас сэргийлж байв.
Түрүүн бааранд түүнийг хэрцгийгээр дээрэлхэх болсон 5 хүний 1 нь нуруу руу нь төмөр цохиураар цохьжээ. Өвдсөнгүй, харин цохиулсан гэсэн бодол нь хүнд оргиж байлаа. Тэр өвдсөндөө бус тийм байдал үзүүлэх ёстой гэж бодсондоо өвдсөн царай гаргажээ. Хэвийн зүйл болж хувирсан доромжлолыг ердийнхөөрөө тэвчин, чимээгүйхэн дотуур байр луугаа буцъя л гэж бодовч өнөөдөр бие цогцос, оюун бодол нь нэг л зууралдан, үгэнд нь орж өгөхгүй бөгөөд харих зам нь эцэс төгсгөлгүй сунасан мэт санагдаж байв.
Сурталчилгааны дүүргийн төгсгөлд дэлгүүрийн хажуугаар өнгөрч явахдаа тэр цонхонд нь хичнээн их цонхийж цайснаа олж харав. Өвдөлт мэдэрдэггүй учраас тэр зөвхөн нуруундаа цохиулсанаа бас хүнд гэмтсэнээ л мэдэж байлаа. Ямар арга хэмжээ авах ёстойг ч үл мэднэ. Чингээд нурууных нь яс цуурсныг ч мэдэхгүй тэр явсаар л байлаа.
Эмнэлгийн талаар санах ч хэрэггүй. Эцэг эхийнхээ танихгүй эмч дээр очсон ч, эмч асуулт тавибал бүгд илчлэгдэх болно. Тэр худлаа ярьж огт чаддаггүй билээ. Дээрээс нь эмнэлэг дэндүү хол байлаа.
“Яах вэ?” гэж тэр цөхрөнгөө барсандаа өөрийн мэдэлгүй шивнээд цааш явж чадахгүй болтлоо туйлдсан тул замын хажуу руу гуйван унав. Гэтэл нэг эрэгтэй түүнийг унахаас нь өмнө амжин барьж авлаа.
Тэр цочиж, эрэгтэй рүү харав. Хатуу ширүүн харцтай эрэгтэй:
-Асагами Фүжино мөн биз? гэж асуулаа. Түүний хоолой үгүй гэсэн хариулт хүлээж авахгүй янзтай сонсогдох аж. Асагами Фүжино амьдралдаа анх удаагаа цус царцам айдас хүйдэс мэдрэх нь тэр.
-Нуруу чинь эдгэчихсэн байх нь. Үгүй бол чи хөдөлж чадахгүй байсан юм гэж эрэгтэй хэллээ. Үнэмшихийн аргагүй сонсогдсон боловч Фүжиногийн байдлыг тайлбарлах өөр тайлбар байхгүй юм шиг санагдав.
Тэр амар тайван байж чаддаг ганц газар болох дотуур байр луугаа л явахыг хүсч байлаа.
Түүний харц номхрон дуниартаж, эрэгтэйн харцтай тулгарав. Зуны халууныг үл хайхран эрэгтэй тас хар, урт цув өмсчээ. Түүний тохиромжгүй цув, нугаршгүй харцыг хараад яагаад ч юм Фүжиногийн санаанд хувраг хүний төрх буух аж.
-Би чамайг эдгээгээд өгөх үү? гэсэн эрэгтэйн асуулт хүсэлт гэхээсээ илүү тушаал шиг сонсогдов. Фүжино зөвшөөрөн толгой дохисноо өөрөө ч анзаарсангүй.
-Хүслээр чинь болог. Биеийн чинь гэмтэл одоо сарнин алга болно.
Энэ газар, энэ мөчид төмөр баг өмссөн мэт царайтай тэр Фүжиногийн нуруунд гараа хөнгөхөн шүргүүлжээ. Гэвч үүнээс нь өмнө Фүжино:
-Та хэн юм бэ? гэж асуухад эрэгтэй:
- Намайг ... гэж хариуллаа.

Гэвч үүнээс нь өмнө залуу:
-Чи... чи чинь хэн гэгч вэ? Залуу минь гэж асуув.
Хар цувтай эрэгтэй огтхон ч хөдөлсөнгүй. Түүнийг хариулахад хоолой нь ямар нэг аугаа хүч агуулсан мэт сонсогдсон бөгөөд энэ хүч нь хэлсэн зүйлийг нь нарийн гудамж тэр аяараа дахин дахин давтан шивнэхэд хүргэв.
-Намайг Сорен Алаяа гэдэг. Шидтэн гэж хариуллаа.

Дөрөвдүгээр бүлэг төгсөв.


Last edited by zolushka_717 on Oct.25.15 7:50 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.24.15 11:00 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18673
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Эхний хэдэн пост нь 1 2 өгүүлбэр байсан учраас үлдээчихлээ. устгасан юм болов уу яасан юм бол? Монголд орчуулагдцан байгаам байна шдээ тээ энэ ном чинь?

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.24.15 11:30 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Би монголоор олж хараагүй дээ. Энэнээс өмнөх бүлгүүдийг нь янзлаад epub болгоцон бгаан тэрийг харсан юм болов уу, хаана харсан юм бол оо?


Top
   
PostPosted: Nov.24.15 11:30 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Би монголоор олж хараагүй дээ. Энэнээс өмнөх бүлгүүдийг нь янзлаад epub болгоцон бгаан тэрийг харсан юм болов уу, хаана харсан юм бол оо?


Top
   
PostPosted: Nov.24.15 11:38 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18673
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Link haragdaagui dee, baival end taviarai ;;)

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.24.15 11:41 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Энд тавихуу блог дээрээ тавихуу гайхаал бгаан. Өөрөө хаанаас энэ номыг олж харсан юм бол оо? Орчуулцан ном орчуулаад шал дэмий юм хгээд бгам шиг санагдчлаа :(


Top
   
PostPosted: Nov.24.15 11:42 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18673
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Уншиж байгаа хүмүүс зөндөө байна лээ шдээ, оруулж л байхгүй юу дөө ;)

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Nov.26.15 3:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Би лав уншиж эхэллээ. Эхний хэсэг нь хаана бгаа вэ?

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.26.15 9:26 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Omnoh bulguud n Epub formataar bgaa. Bolno gevel end tavichihyo


Top
   
PostPosted: Nov.27.15 5:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Мэдээж бололгүй яахав ккк унших гэж бгаа хүн чинь баярлаал уншина шд :hoho:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.27.15 2:02 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
[link2] Хоосон хязгаар I дэвтэр
https://www.dropbox.com/s/17dasi930odtp ... .epub?dl=0[/link2]


Top
   
PostPosted: Nov.27.15 3:55 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Feb.06.13 7:50 pm
Posts: 79
За сайхан уншинаа. Байхгүй хойгуур зөндөө орчжээ баярлалаа.


Top
   
PostPosted: Nov.29.15 3:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
zolushka_717 wrote:
[link2] Хоосон хязгаар I дэвтэр
https://www.dropbox.com/s/17dasi930odtp ... .epub?dl=0[/link2]

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.06.16 2:02 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
PM явахгүй байна шүү. линк энд тавихгүй өөр лүү чинь явуулчихъя. мэйлээ өгчихөөрэй ТЭР АСУУСАН ХҮН хэхэ


Top
   
PostPosted: Jan.06.16 5:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Зохиолоо хүмүүс рүү явуулж бгаамуу? Би авъя tengis0317@yahoo.com

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.06.16 6:52 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Kkk ugue neg hun ene link bolku bn geher n l. Chi ali ert tataj avad unshchihaagumuu kkk


Top
   
PostPosted: Jan.06.16 7:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Чамайг орчуулгаа хүмүүс рүү пм-ээр явуулж бгаан бх гэж бодохгүй юу. Ккк орчуулгаа үргэлжлүүлээрэй хүлээгээл бгаа шүү

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.06.16 7:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16388
Татаж аваад уншиж байгаа. Баярлалаа. Дараагийнхыг нь тэсэн ядан хүлээж байя

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 161 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited