#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.17 12:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 206 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Aug.18.16 2:17 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
XVIII хэсэг

Шики хонгилын амны цаахна зогсов...
-Миний мөн чанар бол амар амгалан. Мөн чанараа таньсан хүн эргүүлэг рүү түргэн буцдаг.


Last edited by zolushka_717 on Aug.18.16 2:17 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 3:47 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
XIX хэсэг

Хуурамч ногоон зүлэгнээс болоод амьтай голтой ганц зүйл нь дээрээс гэрэлтэх саран авхай мэт үзэгдэнэ...
Тамхины утаа байж боломгүй хийсвэр зэрэглээ адил нааш цааш угалзран бүжих ажээ.



Last edited by zolushka_717 on Aug.18.16 3:47 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 4:33 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
XX хэсэг.

Яагаад, яаж гэдгээ санахгүй байгаа ч би хотод алхаж явав...
Өвөл болжээ. 4 жил өнгөрсний дараа анх удаа хачин цас хотыг тэр чигт нь хучлаа.
Риоги Шики, Кокуто Микияа хоёрын анх уулзсан шөнийнх шиг нэвсийсэн энэ цасан дээр час улаан будаг нэвчих нь гарцаагүй юм.

Тавдугаар бүлэг төгсөв.

ХОЁРДУГААР ДЭВТЭР ТӨГСӨВ.


Last edited by zolushka_717 on Aug.18.16 4:33 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.18.16 12:27 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
III дэвтэр

Зургаадугаар бүлэг

Нохойн хошуун өргөст бутны цаана мананд хучигдсан өтгөн ой байсан юм.
Тэндээс зүлэг ногооны анхилуун үнэр тархаж, хорхой шавьж час часхийнэ.
Би гүн рүү нь орж, улам цаашлан алхалсаар нарны гэрэл үл тусах гүвээн дээр гарч иртэл бяцхан хүүхдүүдтэй таарч орхив.
Эцэст нь би гэнэт сэхээ ороод, цаг орой болсныг анзаарч, гэртээ харихаар шийдэв.
Гэтэл ойн хүүхдүүд дуулж эхлэв. “Гэхдээ чи харьж яах юм бэ. Энд үхлийн дараахи ертөнц чамайг хүлээж байна шүү дээ”
Би үхлийн дараахи ертөнц гэж юу байдгийг гайхлаа.
“Энд чи үргэлжлэн тогтноно. Ээд чи хэзээ ч өөрчлөгдөхгүй”
Бүүвэйн дуу гунигтай эгшиглэнэ. Оддын гэрэл гүвээг чив чимээгүй гэрэлтүүлнэ.
Хойд талд минь өтгөн манан хиргүй тунгалаг сүү аятай тунарна.
Ард минь орших гэртээ харих зам үгүй болжээ.
Би энэ үхлийн дараахи ертөнцийн талаар юу ч мэдэхгүй.
Би гэртээ харихаар яарна.
Эндээс хаа хол байх гэр рүүгээ.
Хүүхдүүдээс, ойгоос хаа хол орших гэр рүүгээ.
Зүлэг ногооны анхилуун үнэр ханхийсэн, хорхой шавьж час часхийсэн, нохойн хошууны өргөст буттай манан татсан ойн гүн дэх үхлийн дараахи ертөнцөд үлдээхээр тэд намайг гэр рүү минь явуулсангүй.


Last edited by zolushka_717 on Jun.16.17 8:58 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.01.16 6:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа. Би уул нь дээр уншчихсан тэхдээ баярлалаагаа бичээгүйг бодоход интернэттэй газраас холдож явангаа уншсан бололтой ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jun.15.17 8:38 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
2-р дэвтэр epub аар бэлэн болсон. Авах нь хэлээд аваарай


Top
   
PostPosted: Jun.17.17 12:54 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Хоосролын тэмдэглэл I

Энэ жилийн 12-р сар миний тааварласан шиг хүйтэн байгаагүй хэрнэ амьсгалах бүрт цагаан уур савсаж байлаа. Өчигдөр сарын, жилийн сүүлийн өдөр болж өнгөрсөн ба өнөөдөр миний 16 дахь шинэ он эхэлсэн байв. Бөмбөрцгийн ихэнх хүмүүс өнөөдөр нэг нэгэнтэйгээ “Шинэ оны мэнд хүргэе” хэмээн дулаанаар мэндчилж, дотно сэтгэлээ хуваалцан, харилцаанд нь шинэ боломж авчрах жилд ганц олдох завшааныг нандигнан байгаа нь гарцаагүй. Гэвч миний хувьд өөр. Үүгээр ч зогсохгүй шинэ жилээр би өөрийнхөө тэнэгийг хараан зүхэж, уур бухимдлаа дэрэндээ гаргаж, ийм өдөр болдоггүй байгаасай гэж хүсдэг юм. Хүний сэтгэл зүрх, бодол дурсамж үргэлж сайхан байдаггүй нь харамсалтай. Тиймээс би тун ч урамгүйхэн Токо-сангийн ажил руу явахаар яаран бэлдэж байлаа.
Манай гэрийнхэн эгэл борог хүмүүс боловч шинэ оноор сүмд очихдоо заавал кимоно өмсөхийг шаарддаг байв. Тэд хэдийн орон дээр минь кимоно бэлдээд тавьчихсан байсан ч би үндэсний хувцсанд хэзээнээсээ л дурладаггүй тул үл хэрэгсэн өрөөнөөсөө гарч, доош буулаа. Намайг шатаар уруудах зуур ээж:
-Азака хонгор минь, чи гарах гэж байгаа юм уу? гэж асуув.
-Тийм ээ. Надад тус хүргэсэн нэг хүнтэй уулзах гэсэн юм. Харанхуй болохоос өмнө ирчихнэ ээ гэж би Кокутогийнхоос өөрөөр хэлбэл гэрээсээ гарахдаа аль чадахаараа сайхан инээмсэглэн хариуллаа.
Бага үдийн тэнгэр тун ч нөхөрсөг бус, нэлээд үүлэрхэг байв. Гэсэн ч миний сэтгэл санааны байдалтай яг сайхан тохирч байх тул би хурдаа саарууллаа.

Би жилийн энэ үеийг үргэлж үзэн яддаг байгаагүй юм. Бусад шиг сэтгэл догдлон хүлээдэг үе надад байлаа. Гэвч 1996 онд, яг 3 жилийн өмнөх энэ өдөр 13 дахь шинэ жилээрээ өвлийн амралтыг тохиолдуулан төрсөн гэртээ ирэх үеэр тэр маань өөрчлөгдсөн юм.
Энэ түүх Кокуто Азака миний бие өвчтэй сул байснаас эхэлнэ. Би биеийн тамирын хичээл дээрээ хэзээ ч олигтой дүн авч үзээгүй ба амтай болгон л Токиогийн цаг уур надад муугаар нөлөөлж байгаа тухай ярьдаг байлаа. Ийм шалтгаанаас болоод манай гэрийнхэн намайг ердөө 10 настай байхад хөдөө амьдардаг авга ахтай минь байлгахаар явуулсан юм. Түүнээс хойш би зөвхөн өвөл, зуны амралтаараа гэртээ ирдэг болов. Гэсэн ч би харих дургүй байдаг байлаа. Ах маань надад охин шигээ сайн хандаж, гэр бүлийнхнээс минь хол өсгөсөн бөгөөд миний бие дээрдэж, тэднийд амьдрах шаардлагагүй болсон ч, тодорхой нэг шалтгааны улмаас надад тэнд байх нь дээр байсан юм. Юу гэвэл надад Кокуто Микияа гэдэг нэг ах байдаг. Бас би түүнд хайртай билээ.
Тодруулж хэлбэл хүмүүсийн боддог шиг ах дүүсийн, гэр бүлийн хайр биш харин эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд бий болдог хайр юм. Мэдээж бага сургуулийн дөнгөж 10 настай охиныг андуурч гэж бодож болно. Бас ийм дүгнэлтийг буруу гэх ч аргагүй. Гэхдээ би тэнэг байгаагүй юм. Миний зүрхийг яг ямар төрлийн сэтгэл мэдрэмж эзэлснийг би тэр үед ч гэсэн хэнээс ч илүү мэддэг байлаа. Би эл мэдрэмжээ тайлбарлах худал шалтгаан олж өөрийгөө хуурч чадах ч гэлээ, Микияаг гэсэн сэтгэлээ үгүйсгэж хэрхэвч чадахгүй байсан юм. Бүр түүнийг ямар нэг аргаар хүмүүсээс холдуулж, хэзээ ч, хэнтэй ч уулзуулахгүй байх гэнэн бодол тээж явсан ч удаа бий. Гэхдээ тэр цагаас хойш би хамаагүй ухаажсан байлаа. Гэсэн ч Микияаг гэх сэтгэл минь нэг ч удаа дайвалзаж хувирсангүй. Би бүр анхнаасаа энэ тухай хэнд ч хэлж ярьж болохгүй гэдгийг мэдэж байсан тул өсөж томрохынхоо хажуугаар тохиромжтой цаг ирэхийг тэвчээртэй хүлээх болсон юм.
Хөдөө бүгэх болсон минь ч Микияагаас холдох сайтар боловсруулсан төлөвлөгөөний нэг хэсэг байлаа. Түүнд ямар нэг өөр сэтгэгдэл төрүүлж, дүүгээс нь ондоо хүн мэт харагдахыг би хүссэн юм. Гэр бүлийн бүртгэлд юу гэж тэмдэглэсэн нь надад огт хамаа байсангүй. Би аль эрт тэр тухай анхаарахаа больсон ба Микияа намайг дүүгээ гэдгийг ор тас мартсан цагт л жинхэнэ утгаараа буцаж ирэх байлаа. Би Микияагийн сонирхлыг яг таг мэддэг байсан тул тэр цаг иртэл хатагтай шиг биеэ авч явах ёстой байв. Амархан ч байсан юм. Бахдан шагшихгүй байхын аргагүй гайхалтай төгс төлөвлөгөө.
Гэтэл гай газар доороос гэгчээр хутган үймүүлэгч гараад ирэх нь тэр. Бүдүүлэг үг хэрэглэснийг минь өршөөгөөрэй. 3 жилийн өмнө, дунд ангид хайр гэж юу байдгийг дөнгөж мэддэг болчихоод байх үедээ би өвлийн амралтаараа гэртээ харьж иртэл Микияа тэнэглэх байх газраа олж ядсан юм шиг ангийнхаа хүүхдийг гэртээ авчирсан байсан юм. Тэрнийг тэр Риоги Шики гэгчтэй үерхэж байгаа нь хэн ч харсан ойлгомжтой байлаа. Тэр хоёрыг хараад би үлэмж гайхаж, амттайхан бялуу хийчихээд яг өлсөөд ирэхийн цагт эргээд харахын хооронд булаалгачихсан юм шиг мэдрэмж төрсөн юм. Бүрэг ичимхий миний ах охинтой үерхэнэ гэсэн бодол миний зүүдэнд ч орж байсангүй. Бодоод үз л дээ. Тэр хүнтэй үерхэх нь байтугай нэг ч удаа эмэгтэй хүнийг тиймэрхүү нүдээр харж байгаагүй юм чинь.
Би хөдөө буцан буцталаа дараагийн хэдэн өдрийг сэрүүн зүүдэлж байгаа аятай дүйнгэтэж өнгөрөөж билээ. Гэтэл үүнээс хойш удалгүй, тэрнийг яахаа шийдэж хараахан амжаагүй байтал Риоги Шики авто осолд орж, комд орсныг би олж дуулсан юм. Ингээд Микияа дахин ганцаараа болов. Гэхдээ би авга ахын гэрт тагтан дээр цай уугаад сууж байхдаа Микияагийн бичсэн захидлаас тэр тухай мэдээд хөөрхий охиныг өрөвдсөн гэдгээ хэлэх нь зүйтэй. Би түүнтэй ердөө ганцхан удаа уулзсан ч Микияагийн ярианд чин сэтгэлээсээ баясан инээсэн, эрч хүч дүүрэн охин байсныг санаж байв. Гэвч бас цээжнээс минь хүнд чулуу аваад хаячихсан аятай сэтгэл минь хөнгөрөөгүй гэвэл худлаа ярьсан болох биз. Шики шиг хэрэггүй охин Микияагийн харцыг дахин булаахааргүй болж, надад ердөө л ахлах сургуулиа амжилттай төгсөж, нэр хүндтэй их сургуульд элсэн орох үлдээд байлаа. Микияа бид хоёрын ах дүү гэсэн холбоо алга болох хүртэл дахиад хэдхэн алхам, дахиад хэдхэн жил. Өөрөөр хэлбэл наймхан жил.
Гэвч дайсан маань ердийн нэгэн биш гэдгээ нотлон өнгөрсөн хавар ухаан орлоо. Микияа энэ тухай надад утсаар хэлэхдээ баяр хөөрөө барьж дийлэхгүй байсан ба би шийдвэртээ улам ч бат зогсох болсон юм. Ахлах сургуулиа төгсмөгцөө түүнд сэтгэлээ илчлэх болно. Би өмнөхөөсөө илүүтэйгээр өөртөө шударга хандах хэрэгтэй болов. Ингээд би дараагийн алхамдаа шилжлээ. Ахлах сургуулиа би маш зөв сонгов. Элсэж ороход дүнгээс илүү орлогын хэмжээ хамаатай байдаг, дотуур байртай Рейн охидын сургууль. Авга ах маань зураач бөгөөд би Рейнд орсноор түүнд нэр нөлөөтэй ивээн тэтгэгч нарт ая тал засах боломж нээгдсэн тул хэн хэнд маань ашигтай байлаа. Ингээд би тэдний шаардлагад нийцсэн хүмүүжилтэй хатагтай болохын тулд тэнд байрлах болсон юм.
Үүнээс хойш хагас жил өнгөрч, Шикигийн оршин байдгийг сануулсан дахин нэг хараал идсэн шинэ жил болж байгаа нь энэ. Би өнөөдөр Микияатай хамт сүмд очихоор төлөвлөсөн байсан ч Шики хүрч ирээд тэд хамт явсан байлаа. Миний амьдрал надаас огт хамааралгүй байдаг нь, бас үүний шалтгаан нь үргэлж Шики байдаг нь хачин хэрэг шүү.

Би тэнгисийн буланг чиглэн явлаа. Хуучин үйлдвэрүүд нүдний өмнө жирийн намайг хөтөлнө. Эргийн ойролцоох аж үйлдвэрийн дүүрэгт одоо болтол ган хийц ажилладаг бөгөөд зэвэрч муудсан яндан, үйрч бутарсан тоосгон хана, таазанд нь шөрмөсөн чулуу шигдсэн хаягдсан агуулахаар дүүрэн. Эдгээрийн голд баригдаж дуусаагүй үлдсэн нэг байшин байна. Байшин дүүргийг сэргээн засах сүүлчийн найдвар байсан нь эргэлзээгүй боловч харамсалтай нь бүтэлгүйтжээ. Миний Шидийн багш Аозаки Токо яаж ийгээд эл байшинг өөрийн болгож (хуулийн дагуу гэдэгт нь би бүрэн итгэдэггүй юм), “ажил хэрэг”-тээ зориулан албан газар маягийн юм болгосон байв.
Байшинд хүрээд би дотогш орж, шатаар өгслөө. Гишгүүр бүр дээр миний гутлын өсгий тог тог хийн цуурайтна. Байшингийн 1-р давхарт гараж байдаг бол 2,3-р давхарт чухам юу байдгийг Токо-сангаас өөр хэн ч үл мэднэ. 4-р давхарт албан тасалгаа нь байдаг тул миний ах Микияа ажилтных нь хувиар, харин би шавийнх нь хувиар үргэлж энд ирдэг байлаа. Би 4-р давхрын өрөөний хаалгыг нээж, ирснээ мэдэгдэн, залхуутайгаар мэндлэв.
-Шинэ жилийн мэнд.
-Мхмм, шинэ жилийн мэнд гэж Токо-сан мөн л сунжруулан мэндэллээ. Яагаад ч юм Токо-сангийн хатуу ширүүн янз байдал гадна төрхийг нь үл гутаана. Үнэндээ бүр цагаан цамц, хар өмдний хослол нь илүү хүчирхэг харагдуулдаг юм. Бүр одоогийнх шигээ нүдний шил зүүгээгүй байхад нь түүнийг эмэгтэй хүн мөн эсэхэд эргэлзэхэд хүрч ч мэднэ шүү.
-Чи өнөөдөр эрхэм хүндэт ахтайгаа гадуур зугаалахаар төлөвлөсөн байгаагүй бил үү? гэж тэр ширээнийхээ цаанаас ердийнхөөрөө эрээ цээргүй асуув.
-Тэгсэн л дээ. Даанч Шики ирээд аваад явчихсан. Гэхдээ та өнөөдөр шиг өдөр намайг Микияатай гадуур хэсүүчлэхийн оронд энд байгаад баярлахгүй байна гэж үү?
-Баярлаж байна аа. Үнэнийг хэлэхэд надад чамтай ярих ажил байсан юм.
Хачин хэрэг байх чинь. Токо-сан намайг ажил хэрэгтээ оролцуулах нь өдрийн од шиг ховор шүү дээ. Би түүнд кофе, өөртөө цай хийж аваад суулаа.
-Та надтай юу ярих гэсэн юм?
Тэр хоёр гараа дагзандаа авч, сандлынхаа түшлэгийг наллаа.
-Зүгээр л чамайг Кокутод сэтгэлээ илчилсэн эсэхийг чинь гайхаж байлаа л даа.
Бурхан минь гэж, үгүй байлгүй дээ. Тэр үнэндээ энэ асуудалд нухацтай хандаагүй нь хоолойноос нь тодхон мэдэгдэж байв.
-Үгүй, хэлээгүй. Багаар бодоход ахлах сургуулиа төгстөл энэ хэвээрээ үлдэх болно. За тэгэхээр, миний хариултанд хорхойг чинь хүргэчихмээр зүйл байв уу?
-Алга өө. Зүгээр л Кокутог байхад ингэж асуусан бол чамайг ийм тайвнаар хариулж чадах байсан эсэхийг чинь л бодож байлаа. Гэхдээ би одоо болтол та хоёрыг тийм ондоо хэрнээ яагаад Микияад татагддагийг чинь гайхсаар л байна. Магадгүй чамайг үрчилж авсан байх. Тэгж бодож байсан уу?
Түүний завьжин дээр хэзээний танил болсон зальжин инээмсэглэл үзэгдлээ.
-Таны тоглож байгаа үгүйг бүр мэдэхээ байчихлаа гэж би хариулав. Гэхдээ хөмсөг зангидах ёстой байснаа тэвчлээ. Гэтэл Токо-сан үүнийг минь мэдсэн мэт тэрүүхэн тэндээ инээд алдав.
-Азака минь дээ. Чи үргэлж хичээнгүй боловсон дүртэй байдаг ч чин шударга хариулт чинь заримдаа зугаатай санагдах юм. Намайг уучлаарай. Тэнэг асуултуудыг минь ч бас. Би чинь ядаж жилдээ ганц удаа ч болов улиг болсон тогтолцооноосоо ангижирч байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ?
-Та ч тэгвэл энэ жилийг сайхан эхэлж байгаа бололтой. За тэр ч яах вэ, таны жинхэнээсээ ярих гэсэн зүйл чинь юу юм бэ?
-Сургуулийн чинь талаар байгаа юм. Чи Рейн охидын сургуулийн 10-р ангид сурдаг байх аа? Миний сонссоноор бол 10г ангид нэг сонирхолтой юм тохиолдсон гэнэ. Чи тэр талаар мэдэх юм биш биз?
10г гэнэ ээ? Би тэрний юун тухай ярьсныг ойлгох шиг болов.
-Тачибана Каоригийн сурдаг анги мөн биз? Харамсалтай нь би 10а-д сурдаг болохоор 10г ангийн асуудлыг сайн мэдэхгүй л дээ.
-Тачибана Каори гэсэн үү? Мэддэг нэр биш шиг л байх юм. Ядаад л надад байгаа жагсаалтанд алга гээд Токо-сан тархиныхаа үрчлээс бүрээс ямар нэг орхигдож гээгдсэн зүйлийг самнах мэт хөмсөг зангидав. Би толгойгоо гилжийлгэн, юу ойлгоогүй үлдчихснээ гайхан:
-Юу болоод байна аа гэж бувтнав.
-Чи мэдэхгүй юм бий вий гэж тэр санаа алдаад:
-Рейн сургууль ангиудыг нэг нэгээс нь аль болох тусгаар байлгахыг илүүд үздэг болохоор би таамаглах ёстой байж л дээ. 10г-ийнхэн л арай илүү юм мэдэж байгаа байх гэж дүгнэв.
-Би чамд мэдсэн бүхнээ хэлж өгье гээд Токо-сан дөнгөж хагас сарын өмнө тохиосон жигтэй явдлын талаар хүүрнэж эхэллээ. Өвлийн амралтын өмнөхөн 10г ангийн 2 охин маргалдаж, тэр нь даамжирснаар нэг нэгнийгээ цаас зүсэгчээр гэмтээхийг оролджээ. Гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан мэт, хөдөлгөөнгүй зогсонги байдалд оршдог, аймшигтай анир чимээгүй Рейн сургуульд ийм зүйл тохиолдсон нь надад тун хачин санагдав. Гэхдээ би энэ талаар огт мэдээгүй нь бүр ч дор байлаа. Үүнд ангиудыг тусгаарлаж, байгууллагын нэр сүрд муугаар нөлөөлөх бүхнийг нуун далдлахыг хичээдэг сургуулийн бодлого буруутай биз ээ. Токо-санг ярьж дуусахад нь би:
-Аймшигтай юм гэж дуугараад:
-Тэд хүнд гэмтсэн үү? гэж асуув.
-Ноцтой юм байхгүй ээ. Үнэндээ бол тэдний нэг нэгэн рүүгээ дайрсан нь л надад хамаагүй сонин байна.
-Тийм шүү, таны хэлж байгааг ойлгож байна. Рейн сургууль хутга шөвөг шүүрдэг хүний байх газар огт биш. Шалтгаан нь юу ч бай маш ноцтой зүйл байх ёстой. Үгүй бол аль эртний явдалтай холбоотой байх. Эсвэл хоёулаа байж таараа.
-Яг тийм. Гэхдээ юунаас болж маргалдсаныг нь дараа ярья. Бүр ч хачин зүйл бий. Энэ талаар өмнө нь яагаад мэдээгүйгээ чи гайхаж байгаа нь ойлгомжтой. Нэг талаараа Рейн сургуулийн зарчим нөлөөлсөн нь үнэн ч, энэ удаад бүхэлдээ тэдний буруу биш. Ослыг тэр дор нь мэдэгдээгүй байгаа юм. Сургуулийн захирал эмнэлгийн тайланг шалгахдаа л охидын нэрийг, бас яаж гэмтсэнийг нь олж үзэж. Тэгээд 10г-н ангийн багшийг ослыг санаатайгаар нуун дарагдуулсан гэж сэжиглэсэн байна.
10г-н анги удирдсан багш нь Рейний түүхэн дэх хоёрхон эрэгтэй багшийн нэг Хаяама Хидэо байсан юм. Гэвч тэр 11-р сард сургууль дээр гал гарсан явдалд хариуцлага хүлээн халагдсан билээ. Түүнийг тэр дор нь цомхотголд оруулж, оронд нь гэлэнмаа биш хүнийг...
-Курогири-сан уу? Байж боломгүй юм. Яавч тэр биш гэж би дуу алдлаа. Токо-сан толгой дохиод:
-Захирал ч бас тэгж хэлсэн. Курогири Сацүки гэгч тэр залуу ажилдаа тун сайн, бараг л ажилд орсон даруйдаа олны итгэлийг хүлээж чадсан бололтой юм. Тэрнээс ослын талаар асуухад тийм зүйл болсныг огт санахгүй байна гэж хариулсан байна лээ. Түүнд сануулахын тулд бүр мөнөөх явдлын талаар нарийн ширийн зүйлсийг хүртэл тоочсон гэсэн. Гэхдээ л захирал Сацүкигээс юу ч олж дуулж чадаагүй. Болсон явдлыг үнэхээр мартаж орхисон бололтой байсан гэнэ. Тэгээд ч тэр хамтран ажиллагсад болон сурагчдад итгэл хүлээхүйц хүн гэдгээ нэгэнт нотолчихсон тул захирал түүнийг зүгээр явуулахаас өөр аргагүй болсон гэнэ лээ.
Гэхдээ хүн яаж тийм чухал зүйлийг хагасхан сарын дотор мартаж чаддаг байна аа? Байж болмооргүй юм. Гэвч үүнтэй зэрэгцэн надад Курогири-санд сургуулийн зүгээс хүлээлгэсэн итгэлийг эвдэх шалтгаан байхгүй юм шиг санагдаж байлаа.
-Сурагчдын нэг нэгнээ хутгалах гэсэн шалтгааны тухайд гэвэл хэмээн Токо-сан яриагаа үргэлжлүүлэн:
-Хичээл дөнгөж завсарлаад хүүхдүүд хонгил руу гарцгааж байх үед охид анги дотор хэрэлдэж эхэлсэн тул бүгд сонссон байна лээ. Тэд ямар нэг улирсан баларсан нууцыг нэг нэгэндээ хэлэлгүй нууж байснаа мэдэцгээсэн бололтой. Гэхдээ хамгийн гол нь ослын талаар байцаах үед тэд мөнөөх нууцаа хэдийн мартчихсан байсан гэв.
-Айн? Ямар...
-Мэдэж байна аа, утгагүй байгаа биз? Охид багын найзууд байж. Захирал тэднийг цавуудчихсан аятай гэж тодорхойлж байна лээ. Гэтэл яагаад ч юм нууц нь илэрч бүгдийг баллаж орхисон байна. Байцаах үеэр тэд сар орчмын өмнө шуудангаар захидал хүлээж авснаа хэлсэн. Анхандаа юун захиа болохыг нь мэдээгүй байж л дээ. Гэхдээ дараа нь мэдээж ойлгосон байна. Захианд тэдний нэг нэгэндээ мэдэгдэхийг хүсээгүй эртний нууцыг нь дэлгэсэн байж. Тэгээд л нэг нэгэнтэйгээ нүүрэлдэж, ижил захиа авснаа мэдээд цаасны хутга барин давшилж гарцгааж дээ.
Би юу гэхээ ч мэдсэнгүй. Мартагдсан дурсамж болон нууцыг дэлгэсэн захиа хаа нэгтээгээс үл таних хүнээс ирсэн хэрэг үү?
-Та энэ хэргийг мөрдөх гэж байгаа юм уу, Токо-сан?
-Магадгүй л юм. Захианд өөр юу ч бичээгүй байсан. Сүрдүүлэг, шаардлага юу ч байхгүй. Ямар ч хичээнгүй гаж донтон охидын өөрсдөө ч мартсан өнгөрсөн амьдралын нууцыг тайлтал мөрдөж мөшгиж хүчрэхгүй. Тийм болохоор энэ хэрэгт шидтэн гар дүрсэн гэвэл би лав гайхахгүй. Ямар зорилго өвөрлөснийг нь л гайхаж байна. Энэ явдал нэг л өөдгүй санагдаад явчихав. Хор хөнөөлтэй агуулгыг эс тооцвол өөрийнхөө тухай захиаг хаанаас ч юм хүлээж авах нь анхандаа сонирхолтой бүр хөгжилтэй ч юм шиг санагдаж болох юм. Гэвч нэг сарын дараа энэ сэтгэгдэл хэвээрээ байх нь юу л бол. Өдөр шөнөгүй чамайг харуулдах хэн нэгэн үл таних хүн чиний талаар өөрийн чинь ч анзаараагүй зүйлсийг захиа болгон бичсэн гээд бод л доо. Охид галзуурах шахаж, амьдаараа хэмлүүлж байсан байж таараа. Яахаас ч буцахгүй болтлоо хардлага сэжигт автсан нь гайхах зүйл биш ажээ.
-Захиа явуулсан хүнийг олсон уу? гэж би асуув.
-Олсон. Шидэт дагина гэсэн хэмээн Токо-сан товчхон хариулав.
-Юу гэсэн бэ? Давтаад хэлэхгүй юу?
Түүний хариултыг сонсоод би мэл гайхсан ч, хоолойнд минь мэдрэгдсэн үгүйг би мэдсэнгүй.
-Шидэт дагина гэсэн юм аа. Байзаарай, чи мэддэггүй юм уу? Рейний өд төчнөөн сурагч тэднийг харсан гээд байхад хүртэл үү? Чамд Шидэт Мэлмий байхгүй нь үнэн ч, Рейний сурагчид шидэт дагинын яриаг анддаггүй шүү дээ. Ам дамжсан яриагаар бол шидэт дагина шөнийн цагаар дэрний хажууд тоглож байдаг. Харин өглөө сэрэхэд сүүлийн хэдэн өдрийн дурсамж хэзээ ч тохиолдоогүй мэт алга болно. Хэрэв энэ жирийн нэг солиотой цуу яриа биш үнэхээр үнэн бол шидэт дагинууд ямар нэг шалтгаанаар хүний ой дурсамжийг хулгайлдаг гэсэн үг. Миний зөн совин 10г ангид болсон явдал, энэ яриа хоорондоо холбоотой гэж хэлээд байгаа юм даа гэж тэр тэвчээртэй нь аргагүй тайлбарлалаа.
Би түүний заавар дор Шид сурч, нүд орой дээр гарам гайхамшгуудыг харсан боловч шидэт дагины тухай яриа нэг л үнэмшилгүй санагдаад болж өгөхгүй байв.
-Та шидэт дагины талаархи тэр хэтрүүлэгтэй үлгэрийг үнэн гэж бодож байгаа юм аа даа, Токо-сан?
-Би нүдээр үзээгүй болохоор юу ч хэлж чадахгүй нь. Гэхдээ шидэт дагина байдаг гэж бодвол тэд Рейн сургуульд л байх ёстой. Бод л доо. Яг тохирсон газар. Машин тэрэгний хөдөлгүүрийн чимээ ч хүрэхгүй, залуусын дунд түгэн дэлгэрсэн соёлыг байгууламж руугаа үл нэвтрүүлэх хатуу ширүүн, үг дуугүй зарчимч гэлэнмаа нар дүүрэн, буйдхан орчинд лав шигдсэн, гадна орчноос бүрэн тусгаарлагдсан газар шүү дээ. Сургуулийн нутаг дэвсгэрийн ихэнхийг эзэлсэн ой шугуй нь өтгөн шигүү, болгоомжтой байхгүй бол тэр дороо төөрчихөж мэдэхээр. Ойн чийглэг, анхилам агаараас нь салж хагацмааргүй үлдчихмээр, цаг хугацааг өөрөө ч мэдэлгүй хажуугаараа урсгаад алдчихмаар аажуу тайван. Шидэт дагины хувьд ийм л газар жинхэнэ гэр орон нь баймаар санагдаад байгаа юм даа.
-Хөөх, Рейн сургуулийг ийм сайн мэддэг байх гэж. Би бүр гайхчихлаа байна, Токо-сан.
-Мэдээж шүү дээ. Би тэндхийг төгссөн юм чинь.
Энэ удаад би гайхаж мэгдсэнээ хоолойндоо тодхон илэрхийлэхийг чандлан хичээв.
-ЮУ?
-Тэгж харахаа боль гэж Токо-сан хөмсгөө өргөн хэлээд:
-Чи арай Ризбайф захирлыг сургуулийнхаа тухай гадны хүнд ам алдана гэж бодсон юм биш биз? Тэр л надтай урд шөнө холбогдож тэнд болоод байгаа явдлын учрыг ухаж төнхөж чадах эсэхийг асуусан юм. Би мөрдөх товчоо ажиллуулдаггүй боловч захирал хатагтайн хүсэлтэнд татгалзаж чадсангүй. Гэхдээ би өөрийн биеэр тийшээ очих аргагүй. Бусдын анхаарлыг хэтэрхий их татах учраас хэнээс ч юу ч олж дуулж чадахгүй шүү дээ. Тэгээд байна шүү, Азака. Би хэн надад туслаж чадахыг... хэмээснээ инээмсэглэл тодруулан:
-...удаан, нухацтай гэгч нь бодож үзсэн юм л даа гэлээ.
Үгүй шүү. Би буруу харав. Тэрний хэлэх гэж буй үгийг сонсохыг би хүссэнгүй. Токо-сан нүдээ онийлгон над руу цоргитол ширтсэнээ:
-Алив л дээ Азака. Хөгжилтэй байх болно доо. Юу гэвэл, намайг шидэт дагина гэж хэлэхэд чи юу бодсон бэ ай? гэж асуув. Би ингэлээ гээд энэ яриаг дуусгачих юм шиг хамаг хурднаараа:
-Ямх охин гэж хэллээ. Токо-сан инээд алдав.
-Тун сэтгэлд ойр төсөөлөл байна. Шидтэнгүүдийн шидэт дагинын дагуул бүтээхдээ элбэг ашигладаг дүр зураг. Гэвч домгийн амьтад дагуултай адилгүй. Тэд шидтэний хүслээр гарч ирдэггүй, харин бодитоор оршдог янз бүрийн амьд биетүүд байдаг юм. Гэрийн буг, улаан малгайт /англи, шотландад байдаг гэж үздэг одой биетэй нүүдэлчин, алуурчид. Тэд бусдын гэрт шургалан ороод эздийг нь хөнөөж, цусаар нь малгайгаа буддаг/, манайхныхаар бол они гэх мэт. Тун овжин, самбаатай. Шотландад шидэт дагинууд хүмүүсээр даажигнадаг тухай яриа одоо хүртэл бий. Тэдний заримд нь хүмүүсийн ой дурсамжийг мартуулдаг тухай, бас хүүхдүүдийг ой руу урхидан оруулаад оронд нь яг адилхан дуураймал орхиод хэд хоногоор дагуулан алга болдог тухай өгүүлдэг. Тэдний заль мэх олон янз боловч нийтлэг нэг шинжтэй. Тэд хохирогчдоо огтхон ч өрөвддөггүй. Ерөөсөө тийм чадваргүй хэрэг л дээ. Тэд хөгжилдөж зугаацахын тулд л хүмүүсээр даажигнадаг, харин ямар нэг хорон санаа агуулдаггүй юм гээд Токо-сан үргэлжлүүлэн:
-Рейн дэх явдлын ард тэд байж магадгүй. Гэвч захиа бичнэ гэдэг тэдний хэв маяг биш. Захидал ямар нэг хорон санаа, далд төлөвлөгөө шиг сонсогдож байгаа биз дээ? Азака би хэрэгтэнг чиний хэлсэнтэй адил төрлийн шидэт дагина байж магадгүй гэж эмээж байна гэлээ.
Токо-сан зовлон бэрхгүйгээр өөрийн үзэж туулсан үл үзэгдэх ертөнцийн талаар хичээл заах боломжийг хэзээ ч үл алдана. Би ч сайн сурагчийн жишээгээр түүний ертөнцийг бүр ч ихээр сонирхон, шунан дурладаг байлаа.
-Та тэднийг хэн нэгэн шидтэний дагуулууд гэх гээ юу? хэмээн намайг асуухад тэр сэтгэл ханасан янзтай толгой дохив.
-Тийм. Бүр тодруулбал хүний гарт баригдсан амьтнаас үүссэн төрөл. Тэр шидтэн Рейний сурагчдын ой санамжаар ямар нэг зүйл хийх зорилгоор Шидээ алсаас биежүүлэх хэрэгсэл болгон тэднийг ашиглаж байгаа болов уу. Ийм ойлгомжтой, хялбар аргаар ажиллаж байгаа хүнийг шидтэн гэхэд хэцүү л байна. Эсвэл тэр дагуулуудаа эрхэндээ бүрэн оруулж чадаагүй ч байж болох юм. Тэд хэтэрхий тогтворгүй болохоор ихэнхи шидтэн өөр дагуулыг илүүд үздэг. Гэхдээ ийм сонирхогчийн түвшний хүн болохоор л чамд яг тохирсон шалгуур болно гэж би бодож байна Азака. Тиймээс багшийн чинь хувьд өвлийн амралт дуусахаас өмнө энэ явдлыг мөрдөж, учрыг нь олохыг чамд тушааж байна. Эх үүсвэрийг нь ол, тэгээд устгахын тулд чадах бүхнээ хий.
За тэр шүү. Токо-сан энэ бүх хугацаанд миний хэлнэ гэж таамаглаж байсан зүйлийг эцэст нь нэг юм хэлж орхилоо. Даалгаврын цаад утга нь би ганцаараа явж, Шидээр бодит ертөнцийг удирдаж чаддаг Токо-сан бид хоёр шиг хүнтэй нүүр тулна гэсэн үг учраас би жаахан айж байлаа. Гэтэл Токо-сан бүр надаар түүнийг устгуулах гэж байдаг. Би айж сандарч буйгаа нуухыг хамаг чадлаараа хичээн, итгэлтэй гэгч нь толгой дохилоо.
-Ер бусын нууцын мэдлэгийг минь нэмэгдүүлэхтэй холбоотой юм бол надад өөр сонголт үгүй бололтой гэж би санаа алдан хариулав. Токо-сан надад хэрэг явдалтай холбоотой бичиг цаас өгөхөөр сандлаасаа бослоо. Гэвч хавтсаа надад гардуулахаас нь өмнө би түүний надаар хийлгэх гэж буй зүйлийг нь таамаглаж эхэлсэн цагаас хойш сэтгэлийг минь зовоогоод байсан зүйлээ асуух хэрэгтэй байв.
-Гэхдээ Токо-сан, би шидэт дагинуудыг харж чадахгүй. Надад тан шиг нууцыг тольддог Шидэт Мэлмий байхгүй шүү дээ.
Гэтэл Токо-сан зальт санааг нь илэрхийлэгч алдарт инээмсэглэлээ тодруулах нь тэр.
-Ийм шалдар булдар юманд санаагаа зовоож, жижигхэн хөөрхөн толгойгоо гашилгах хэрэггүй дээ, Азака минь. Би чамд нүднээс хамаагүй дээр юм өгч чадна гайгүй.
Тэр инээдээ барьж ядан хавчиганасан ч надад тодорхой юм юу ч хэлсэнгүй.


Last edited by zolushka_717 on Jun.17.17 12:54 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jun.17.17 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
:hi: 8O Баярлалаа. Ккк бүр таньдаг хүмүүстэйгээ дахин уулзаж бгаам шиг. За дүүгийнх нь тухай нилээн мэдэж авах нь дээ. Нилээн зөрүүд, хөөрхий муу Микияаг дандаа оролдож уурлуулж бдаг шиг нөхөр бсан ийм бсийн бий вий вий

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.05.17 1:36 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Хоосролын тэмдэглэл II

Би Рейн охидын сургуулийн багш нарын өрөөг орхив. Харамсалтай нь миний хажууд тэр явж байлаа.
-Юу гээч, би бодлоо л доо. Токо үнэн хэрэгтээ усан тэнэг амьтан байгаад бид харин тэрнийг нь мэдээгүй явсан байх.
1-р сарын 4. Даваа гариг. Үд өнгөрчээ. Гадаа үүлэрхэг байлаа.
Миний хажууд Токо-сангийн “нүднээс хамаагүй илүү зүйл” гэсэн хөгийн санааны биелэл нь явж байв. Миний эвлэршгүй дайсан.
-Очиж очиж чамайг надтай ийшээ явуулсныг нь хэлж байна уу? Ганц удаадаа би чамтай санал нийлж байна.
-Хөгийн юм аа. 3-р улирал эхэлчихээд байхад энд шилжиж ирсэн юм шиг жүжиг тавих шаардлагатай болсноос харахад энэ удаад би үнэхээр азгүйтсэн бололтой.
Бид сургуулийн хонгилоор алхаж явлаа. Нэг нэгэн рүүгээ харахгүйг хичээнэ. Тэрнийг Риоги Шики гэдэг юм. Эндхийн сурагчидтай адилаар тэр Рейний дүрэмт хувцас болох Япон хүнд зохимжгүй харагддаг гэлэнмаагийн өмсгөл шиг хар даашинз өмсчээ. Гэтэл хувцас Шикид бээлий шиг сайхан таарч байв. Би түүний тас хар даашинзан дээр хүртэл ялгарч харагдах гил хар үс болон цагаан хүзүү, гоолиг туранхай мөрийг хараад хувцас түүнд зохиж байгааг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Тэр даруухан, католик шашинт сайн охин шиг үзэгдэвч мэдээж бодит байдал эсрэгээрээ билээ. Харин үүнээс болоод надад гэм хийчихсэн ч юм шиг санагдаж байлаа.
-Азака, саяны хоёр охин бидэн рүү хараад байсан.
Бас мэдээж Шики маанаг амьтан аятай дээд ангийн охидод ижилхэн хариу барьж, цоо ширтсээр хажуугаар нь зөрөлгүй яах вэ. Ийм зүйл тохиолдсон нь анхны удаагийнх биш байлаа. Өнөөдөр хэд хэдэн удаа энэ явдал давтагдсаны дараа би тэдний чухам юуг тэгтлээ сонирхоод байсныг нь ойлгох шиг болов. Рейн шиг хатуу шаардлагатай охидын сургуульд Шикигийн саармаг төрх ер бусын харагдаж байгаа нь гарцаагүй. Шики шиг хүн энд хуруу дарам цөөн учраас түүний гадаад байдал бусдын анхаарлыг татагч соронз адил байлаа. Бидний сая зөрж өнгөрсөн охид ердөө л Шикиг хүүхэд шиг шохоорхон, түүнтэй ярьж үзэхийг хүссэн биз ээ.
-Тоох хэрэггүй. Тэд чамайг урьд нь харж байгаагүй шүү дээ. Ийм үеэр шилжиж ирсэн сурагч өдрийн од шиг ховор байдаг болохоор ингэж байгаа юм гэж би түүнд анхааруулаад:
-Энэ бүхэн бидний мөрдлөгтэй огтхон ч хамаагүй гэж нэмж хэлэв.
-Чамд өвлийн амралт болчихсон байхад сургууль дээр хэтэрхий олон хүн байгаа юм шиг санагдахгүй байна уу?
-Энэ чинь дотуур байртай сургууль. Сурагчдын олонхи нь хол амьдардаг болохоор амралтаараа эндээ үлдэхийг илүүд үздэг юм. Бас 1,4-р давхрын номын сан ажиллаж байгаа ч дотуур байранд тэртэй тэргүй хэрэгцээтэй бүх юм бий болохоор төв байр руу зүглэх хүн байхгүй. Дүрэм зөрчсөн хүнийг гэлэнмаа нарт ховлох гээгүй л бол шүү дээ.
Дүрэм гэснээс эндхийн дүрэм журам маш хатуу бөгөөд хангалттай хэмжээний хэрэг зөрчил гаргасан бол сургуулиас хөөгдөж ч мэднэ. Хамгийн чандлан сахих ёстой дүрэм бол "Гарч болохгүй”. Зөрчсөн тохиолдолд эцэг эхээ уулзуулаад ч нэмэр болохгүй. Гэсэн ч мөнгө үүнийг хялбархан өөрчилж чадахаа нотолсон байлаа. Би найз Фүжиногоо хараад энэ үнэн болохыг олж мэдсэн юм. Сургуульд багагүй хэмжээний мөнгө хандивласан хөрөнгө чинээтэй хүний хувьд Фүжиногийн аав охиноо хүссэн үед нь гадагш гаргах аргаа олсон байлаа. Миний хувьд гэвэл... онц сайн сурдгийн минь ачаар авга ах маань Рейн сургуульд зураг будгийн ажилтан болсон (түүний намайг энд явуулах болсон алсаа харсан шийдвэрт нь яг нийцсэн) ба түүнээс хойш миний гадагш гарах асуудал хамаагүй уян хатан болсон юм.
Рейний шашны суртлыг эс тооцвол бусад сургуулиас ялгарах юмгүй. Сурагчид их сургуулийн элсэлтийн шалгалтыг давахын тулд сунаж унатлаа хичээл давтдаг бол энд удирдлагын зүгээс тавих шаардлагын дагуу хоёр дахин их хичээх хэрэгтэй болдог байлаа. Онц сурдаг болохоор минь Токиогийн их сургуульд бахархалтайгаар элсэх Рейний төгсөгч болж чадна гэж үзсэний үндсэн дээр (тэртэй тэргүй миний төлөвлөгөө) тэд намайг сургуульдаа авсан байх гэж би таамагладаг юм. Сургуулийн удирдлага нүүрийг нь тахлах тоо баримтанд дэндүү гэмээр анхаарал хандуулдаг боловч надад энэ нь тэгтлээ төвөг болоод байдаггүй байв. Ядаж л үүний ачаар би гадагш гарах эрх чөлөөтэй болсон шүү дээ.
Би бодлоосоо ангижирч, төв байрнаас гарснаа, Шики миний хажууд хэсэг хугацааны турш үг дуугүйхэн төв байрыг үл ойшоосон нүдээр ширтэн байсныг анзаарав. Гэнэт Шики залхсан янзтай болж, хүзүүндээ зүүсэн загалмайг үрчин над руу харцаа шилжүүллээ.
-Хачин газар юм. Багш нар нь багш юм уу, гэлэнмаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Аа нээрэн, хоёулаа сая сүмийн хажуугаар өнгөрсөнөө дөө? Нөгөө бөөнөөрөө цуглаж, гэгээн эцэг, диваажин, шид энэ тэр гэсэн юмаа хийдэг газар нь тэр мөн үү?
Бүдүүлэг амьтан. Бурхан шид хоёр ямар хамаа байна аа?
-Өглөө, оройн залбирал бий гэж би хариулаад:
-Харин ням гаригт нэгдсэн цуглаан болдог. Гэхдээ сурагчид заавал оролцох албагүй. Рейнд бага сургуулиасаа эсвэл дунд ангиасаа шилжиж ирсэн над шиг сурагч нар христийн шашинтан биш болохоор очдоггүй юм. Гэлэнмаа нар явуулахыг хүсдэг л дээ. Гэхдээ нөгөө... яах вэ дээ, сүүлийн 10 гаруй жил баян боловч христийн шашин шүтдэггүй гэр бүлүүд охидоо ийш нь явуулах нь ихэссэн, дээрээс нь католик боловсрол хүчээр тулгадаг сургуульд хүүхдээ явуулахыг хүсдэггүй эцэг эхчүүд нэмэгдсэн болохоор тэд сургуулийн дүрэмд дасан зохицохоос өөр аргагүй болсон юм гэж хэлэв.
-Тамын юм гэж Шики санаа алдан дуугараад:
-Бурханд ямар ч байсан ялгаагүй гэж би мөрийцөхөд ч бэлэн байна гэлээ.
Ийм хувцас өмсчихсөн хүн бүдүүлэг үг хэллэг ашиглаж байгаад би жаахан эвгүйцэж, хурдхан сэдвийг өөрчлөв.
-Хэсэг зууртаа бурхныг мартъя. Шидэт дагинууд юу болж байна? Үзэгдэж харагдана уу? Шидийн давалгаа байна уу? хэмээн би явуут дундаа асуув. Шики толгой сэгсрээд:
-Бараа сураг ч алга. Орой болтол хүлээхээс өөр арга байхгүй бололтой гээд нойрмог нүдээрээ байшингууд, овоолсон навчис, сургуулийн чимэг болсон чулуун зам руу ээлжлэн харлаа.
Шики ихэнх шидтэнгүүдийн адилаар жирийн хүмүүсийн нүднээс далдлагдсан зүйлсийг хардаг. Түүний Шидэт Мэлмийн нууц хараа нь сүнс, хий үзэгдэл... бас илүү аймшигтай зүйлсийг ч харах чадалтай. Шикигийн нүд үхэл болон энтропиг ноёрхож, тэд шугам хэлбэрээр өөрийгөө түүнд илчлэн харуулна. Харж байгаа учраас тэр энтропиг давалгаалуулж, аливааг устгаж чаддаг болов уу. Үүнээс гадна тэдний гэр бүл хүчирхэг тулааны урлагийг үе дамжуулсаар ирсэн ба бусад нь байг гэхэд тэр энэ тал дээр бол хэний ч урмыг хугалахгүй нь баталгаатай юм. Тиймдээ ч түүний хөдөлгөөн хурдтай шигээ тун чадмаг, бас хэрцгий билээ.
Өөрөөр хэлбэл тэр миний ах Микияагаас тэс ондоо. Түүнд огтхон ч тохирохгүй. Энэ хорвоо ертөнц дээр Шики шиг бухимдлыг минь төрүүлдэг хүн гэж үгүй ч байж мэднэ. Үнэнийг хэлэхэд Токо-сангийн удирдлаган доор Шид сурах болсон минь бүхэлдээ түүнээс болсон гээч. Учир нь Микияагийн найз охин жирийн нэгэн байсан бол хэзээ ч намайг дийлж гарахгүй байсан юм. Гэвч Шики хамаагүй төвөгтэй нэгэн гэдэг нь ойлгомжтой. Тиймээс би итгэл үнэмшлээ хойш таягдан Токо-санг ятган зөвшөөрүүлсэн байлаа.
Би хэдийгээр Шидийн эрдэмд суралцаж байгаа ч одоохондоо түүнтэй тэнцэх болоогүй гэж бодох тул хичээл номынхоо хажуугаар Шидээ давтсаар сургууль дээрээ өдөр хоногийг өнгөрөөдөг байв. Гэхдээ би Шикиг эвлэршгүй дайсан гэж тооцдог хэдий ч хоолой давуулан хэлэхээс цээрлэсээр ирсэн нэг үнэн байдаг билээ.
-Би танай өрөөнд хоног төөрүүлэхээс аргагүй нь бололтой. Ер нь бол би өөрийн гараар бэлдэж, урьдчилж шалгаагүй орон дээр унтах дургүй ч, энэ удаад шаардлагаа жаахан бууруулахаас даа хэмээн Шики бууж өгсөн янзтай хэлэх нь дуулдав.
Харав уу, Шики намайг үзэн яддаггүй нь баталгаатай бөгөөд би ч гэсэн тэрнийг үнэн голоосоо үзэн яддаггүй нь үнэн байлаа. Микияа бидний хооронд байгаагүй бол тэр миний хамгийн сайн найз болох байсан гэж үргэлж надад бодогддог юм. Шики над руу харж:
-Азака, одоо хаачих вэ? гэж асуугаад:
-Дотуур байр руу юу? гэлээ.
-Байгаа жаахан хугацаагаа манай өрөөнд дэмий сууж өнгөрөөснөөс мөрдлөгөө үргэлжлүүлсэн нь дээр гэж би бодож байна. Явж 10г-н багштай уулзъя. Чи зүгээр миний жишээг дагахад л болно. Энэ хэрэг дуустал чи миний хөтөч нохой болохоор тааралдсан бүхнээ наад Мэлмийгээрээ нэвт шувт шинжих хэрэгтэй.
-Тэр багш Хаяама ч бил үү, нэг тиймэрхүү нэртэй байх аа?
-Аль эртний мэдээ байна. Хаяама-сан 11-р сард сургуулийг орхисон. Одоо сургууль дээрх ганц эрэгтэй багш болох Курогири Сацүки 10г ангийг хариуцаж байгаа.
Би англи хэлний тэнхимийг чиглэн буцаад алхлаа. Шики дуулгавартайгаар надтай зэрэгцэв.
-Охидын сургууль дахь эрэгтэй багш юм бий вий. Зарим охидод ямар нэг нууц хүсэл төрдөг л байх даа?
Би тэр дор нь хариу хэлсэнгүй. Гэвч бүдүүн баараг ч гэлээ зарим талаараа түүний зөв байлаа. Рейн сургуулийн зарчим ёсоор сурагчид төгс төгөлдөр залуу авхай болж хүмүүжих ёстой бөгөөд эрэгтэй хүнийг саад тотгороос өөрцгүйд үзнэ. Сурагчдыг сургуулийн нутаг дэвсгэрийг орхихыг чандлан хорьдог гол шалтгааных нь нэг нь өдий насны охид хөвгүүд уулзаж учирвал цээртэй бэлгийн харилцаа руу амархан хальтирна гэж боддогт оршдог юм. Гэхдээ надад эрэгтэй багштай байх нь энэ баримтлалыг зөрчиж байгаа хэрэг шиг санагддаг байлаа.
Би түр азнасны эцэст:
-Тийм л дээ гэж хариулав.
-Гэхдээ наад сэдэв чинь энд бол тэсрэх бөмбөг дүүрэн талбай дээр явж байгаагаас ялгаагүй аюултай болохоор аядаж үз. Хаяама Хидэо дан ганц багшлах эрхтэй үгүй нь эргэлзээтэй байснаас биш, нэг удаа сурагчид бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн цуурхлаас болоод нэр хүнд муутай байсан юм.
-Юу? Тэгвэл яагаад аль эрт эндээс зайлчихаагүй билээ? гэж Шики хөмсгөө өргөн асуув.
-Гэлэнмаа нар болон захиралд нүдээ аниад өнгөрөөхөөс өөр арга байгаагүй юм. Учир нь... арай өөрөөр тайлбарлая л даа. Сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Ожи овогтой. Гэхдээ тэр эхнэртэйгээ гэрлэхээс өмнө Хаяама гэдэг овогтой байсан юм байхгүй юу.
-Өө чааваас гэж Шики шивнээд:
-Даргын дүү ч юм уу тиймэрхүү холбоотой байсан юм бий. Тэгвэл миний асуулт тэр яагаад сургуулиас гарчихдаг билээ? гэж хувирах ёстой юм байна гэлээ. Би хүн байхгүйг нягтлахын тулд хурдхан эргэн тойрноо гүйлгэн харсны эцэст санаа амарч, Шики рүү эргэв.
-Өнгөрсөн 11-р сард Токо-сангийн ажил дээр байснаа санаж байна уу? Би тэгэхэд сургууль дээр гал гарсан гэж хэлж байсан даа. Тэр үед зөвхөн 10в-ийн дотуур байр болон доор нь байдаг өрөөнүүд л шатсан. Гэхдээ гал 10г-ийн хэсэгт эхэлж гарсан, бас Хаяама Хидэог түймэр тавьсан гэлцдэг юм. Мэдээж дарга түүнийг өмгөөлсөн боловч Хаяама-сан тэр үед хэдийн алга болчихсон байсан. Зугтаачихсан байх.
Гал түймрийн тухай мэдээ сургуулийн хананаас цааш огт гараагүй юм. Сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гэж олон хүн байгаа юм чинь гал сөнөөгчдийг хахуульдсан байж таараа. Хайртай охиныхоо сурдаг сургуулийн өндөр нэр сүрийг гутаахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тэдний хувьд ондоо төрлийн нэг хандив төдийхөн байсан биз.
Гэхдээ тэр галд... нэг хүн нас барсан билээ.
-Курогири гэгч чинь тэгээд ямархуу хүн бэ? гэж Шики асуув.
-Хаяама-сангаас тэс өмнөө гэдгээс өөр түүний талаар хэлэх зүйл бараг алга даа. Сургууль дээр лав түүнд дургүй хүн байдаггүй байх. Тэр өнгөрсөн зунаас л ажиллаж эхэлсэн. Бас Хаяама-сан шиг татаас түлхээс ашиглаагүй. Гэхдээ захирал түүнийг ирсэнд их баяртай байсан гэж дуулсан. Миний сонссоноор бол захирал манайхаас аль эрт гарсан гэлэнмаа шиг унаган англи хэлтэй хэрнээ Японоор ярьдаг багштай болохыг хүсч байсан гэнэ лээ. Мэдээж тийм хүн ховор. Гэхдээ Курогири-сан энэ шаардлагад нийцсэн хүн байгаа юм.
-Тэр чинь тэгээд англи хэлний багш юм биз дээ?
Хачирхалтай нь Шики ярвайжээ. Магадгүй Япон гэсэн бүхнийг дээдэлдэг болохоор Англитай хамаатай юм болгонтой харшилддаг байж болох юм.
-Тийм. Бас Франц, Герман хэлний багшийн гэрчилгээтэй. Одоо бүр мандарин, өмнөд Америкийн хэлнээс сурч байгаа. Түүнийг хэлний цагаан солиот гэж хочилдог шалтгааныг ойлгож ядах юмгүй. Гэхдээ заримдаа энэнээс болоод түүнтэй хэл амаа ололцоход хэцүү байдгаа би хүлээх нь зүйтэй.
Бид англи хэлний тэнхимийн үүдэнд ирсэн тул би ярихаа зогсоов. Рейний багш нар бичиг цаасны ажлаа багш нарын өрөөнд амжуулдаг боловч өөрсдийн тэнхимд хуваагдан ажилладаг билээ. Бидний ирчихээд байгаа өрөө англи хэлний багшид харъяалагддаг бөгөөд Хаяама Хидэо нэгэн цагт энд суудаг байсан юм.
Би Шикид анзаарагдахгүйн тулд болгоомжтойхон шиг уртаар амьсгаа аваад хаалгыг зөөлнөөр хоёр тогшоод онгойлголоо.

Бид хоёрыг ороход өрөөний цаад хэсэгт Курогири Сацүки ширээн дээрхи ажилдаа төвлөрөн цааш харан сууж байлаа. Тэр бүрхэг тэнгэрийн цаанаас ёлтойх нарны үнсэн саарал гэрлийг гаднаас нэвтрүүлэн буй цонхон тушаа суудаг аж. Сайн багш бүрийн адилаар тэр сандал, ширээ гээд л хаа сайгүй цаас овоолжээ. Шургуулганаас нь хүртэл цухуйх энэ их цаасныхаа учрыг зөвхөн тэр өөрөө л олдог биз ээ.
-Курогири-сан, намайг Кокуто Азака гэдэг. Би 10а-д сурдаг юм. Захирал танд миний ямар хэргээр явж байгааг хэлсэн үү?
-Тийм ээ гэж тэр хариулаад мөрөн дээгүүрээ харж, толгой дохиод, сандлаа эргүүлэн бидний өөдөөс харлаа. Тэрнийг бидэн рүү эргэх үед Шикигийн уртаар амьсгаа авахыг би анан байж анзаарав. Би гайхсангүйгээр барахгүй үнэндээ бүр ингэхийг нь мэдэж байсан билээ. Би өөрөө ч түүнийг анх харахдаа балмагдаж, түүн шиг үйлдэл гаргаж байсан юм.
-Аан Кокуто. Тийм тийм, надад хэлсэн. Суу л даа. Зарим нэг зүйлд тайлбар өгөх ёстой байх.
Түүний хоолой инээмсэглэлтэйгээ адил зөөлөн дулаан ажээ. Тэр хорин хэдтэй гэмээр харагдах бөгөөд хэрэв тийм бол Рейний хамгийн залуу багш болох юм. Түүний даруухан төрх, хар хүрээтэй нүдний шилтэй нь хоршин мөн л бусдаас ялгарах юмгүй, тун энгийн харагдана.
-10г ангийн талаар бичсэн тайлангийн маань талаар явна уу?
-Тийм ээ, багш аа. Бүр тодруулбал танай ангийн хоёр сурагч цаасны хутгаар нэг нэгнээ гэмтээх гэж оролдсон талаар таны бичсэн тайлан.
Миний хариултыг сонсоод тэр нүдээ онийлголоо. Харц нь надаас хаа хол ямар нэг юмыг ширтэх шиг болж, хормын төдийд гуниг, гашуудлаар дүүрээд ирэв.
-Тэр тал дээр илүү тус хүргэж чадахгүй нь харамсалтай. Би өөрөө юу болсныг санахгүй байгаа юм. Гэхдээ дурсамж минь бүдэг бадаг байгаа ч охид нэгнийгээ гэмтээхээс өмнө амжиж зогсоож чадаагүйгээ л мэдэж байна. Би тэр үед гарцаагүй тэнд байсан. Гэвч тэрнээс цаашхийг баттай хэлэх аргагүй гэж айж байна хэмээн өгүүлээд тэр нүдээ анив.
Энэ хоёр яахаараа ийм адилхан байдаг байна аа? Өчүүхэн төдий ч шаардлага үгүй байхад өрөөлийн асуудалд өөрийгөө зориулахад үргэлж бэлэн байх юм. Тэд хоёул хорхойд ч хор хүргэж чадахгүйтэйгээ адилаар хоёр сурагчийн үүсгэсэн аюултай нөхцөл байдалд гараа хумхиад суух хүмүүс яавч биш.
Би ердөө л баттай болгох үүднээс:
-Та тэдний юунаас болж маргалдсаныг мэдэх үү? гэж асуувал Курогири Сацүки чимээгүйхэн толгой сэгсэрлээ.
-Сурагчдын яриагаар бол би тэднийг зогсоосон юм гэсэн. Гэвч би тийм зүйл болсныг ер санахгүй байна. Хүмүүс намайг мартамхай гэж олон удаа хэлж байсан ч, би анх удаагаа л ийм чухал зүйлийг мартаж байна. Тэдний маргалдсан шалтгааных нь тухайд гэвэл надад мэдэх юм бас л юу ч алга. Надаас болсон байхыг ч болохгүй гэх газаргүй. Би тэдэнтэй нэг өрөөнд хамт байсан шүү дээ. Би өөрөө ч гэсэн намайг мөрдөж мөшгихөд энэ хангалттай шалтгаан болно гэж бодож байна.
Ингэж хэлэх зуур түүний бодлогошронгуй төрх барайн хүрэнтэв. Түүний оронд би байсан бол бас л өөртөө эргэлзэх байсан биз. Хэрэг болох үеэр тэр яг дэргэд нь байсан атлаа юу ч хийгээгүй, дээрээс нь юу ч санахгүй байгаа болохоор хэнд ч гэсэн сэжигтэй санагдах нь ойлгомжтой. Ийм байхад өөртөө эргэлзэх нь аргагүй шүү дээ. Тэр юу хийснээ мэдэхгүй. Ямар нэг аргагүй байдалд орсон байсан эсэхээ, хэр их хугацаа, хэр их дурсамжаа алдсанаа ч мэдэхгүй. Гэвч байдал өөрөөр байсныг нотлох юу ч үгүй үед өөрийгөө сэжиглэх нь зөв байж мэдэх ч, юу болсон талаар сэтгэл зовох тусам гарах гарцгүй болж, амьдаараа хэмлүүлж дуусах юм.
-Гэхдээ танай ангийн хэн нэг сурагч тэр үеэр ангид байсан байж болох биш үү? Та бүгдээс нь асууж үзсэн үү?
-Үзэлгүй яах вэ. Гэвч тэд тэр явдлыг ор тас мартахыг хүссэн мэт ус балгачихсан юм шиг л дуугүй байна. Дурсамж бол барьцгүй эд. Би тэдний дурсамжийг үнэн бодит гэж итгэж чадахгүй. Тэгээд ч би тэр хэрэгт чухам ямар холбоотой вэ гэсэн асуултанд одоо болтол хариулт олдоогүй байгаа шүү дээ. Ямартай ч, тэр талаар надаас шалгаалаа гээд илүү юм олж мэдэж чадахгүй болов уу гэж би айж байна. Гэхдээ одоогийн байдлаар надад итгэх аргагүйг би мэдэж байгаа ч, дахиад асуух зүйл байвал би дуртайяа хариулах болно гээд тэр түрүүчийнхээсээ хүч муутайхан инээмсэглэв. Би толгой дохилоо.
-За тэгвэл үргэлжлүүлье. Тэд юу болсон талаар тантай ярилцахыг хүсэхгүй байна гэж та хэллээ. Ямар учраас гэж та бодож байна?
-Сайн мэдэхгүй юм. Тэд үргэлж нэг тийм түгшсэн гэмээр ч юм шиг байдаг. Бүр тэдний ангийг дааж авсан анхны өдөр хүртэл шүү. Би тэдний ангийг хариуцаад удаагүй болохоор ингэж хэлэх хүн нь биш байж мэдэх л юм. Гэхдээ тэд ер бусын гэмээр чимээгүй байдаг.
-Тэднийг ямар нэг юмнаас айсан гэж бодож байна уу?
Ингэж асуух зуур миний толгойд бусад сурагчид яагаад охид нэг нэгнийгээ гэмтээж байхад болиулаагүй юм бол гэх бодол төрөв. Захидлыг зөвхөн тэр хоёрт биш бүгдэд нь илгээсэн юм болов уу? Ийм тайлбар бас байж болох л юм. Захидлыг ангийн хэн нь ч илгээсэн байж мэдэх учраас тэдний сэжиглэл хоёр охин дээр тогтсон байж магадгүй. Тэгээд л тэд охидын нэг нэгнээ буруутгаж байхыг хараад сууж байсан байж болох юм. Гэвч Курогири-сангийн хариулт миний онолтой таарсангүй.
-Үгүй байх гэж тэр бүгдийг дэнслэх зуураа удаанаар хэлээд:
-Айгаагүй байх гэлээ.
-Тэгвэл яасан байж таарах вэ?
-Тэднийг хаширласан... эсвэл болгоомжилсон гэвэл илүү дөхөх байх. Харин юунаас гэдгийг нь үнэхээр хэлж мэдэхгүй юм.
Би түүний хоолойн өнгө өөрчлөгдөхийг тогтоон авав. Өөрөөр хэлбэл гол асуудал үргэлж анги дотор байсаар ирсэн бөгөөд гаднаас нэвтрээ ч үгүй, гадагшаа задраа ч үгүй гэж тэр хэлэх гээд байгаа бололтой.
-Багш аа, танай ангийн сурагчидтай холбогдож болох болов уу?
Надад сурагчдаас шууд асуухаас өөр арга үлдээгүй юм шиг санагдав. Дурсамж ор сураггүй мартагдсан гэсэн энэ бүх явдал Токо-сангийн шидэт дагины хэтрүүлэгтэй онолыг санагдуулах тул би тэр талаар цуурхал дэгдээж буй хүмүүстэй ч бас ярилцах хэрэгтэй байлаа.
-Холбоо барих шаардлагагүй ээ. Тэд бүгд сургууль дээр байгаа болохоор хүсвэл одоо ч уулзсан болно.
Ёстой санаанд ороогүй хэрэг байх чинь. Бүр бүгдээрээ, сургууль дээр байгаа гэж үү? Тохиолдол уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байна уу?
-Дараа болсон нь дээр байх. Одоо надад өөр ажил байна. Таныг татгалзахгүй бол дараа дахин ирье. Шики явъя.
Шики сүүлийн хэдэн хувийн турш тэс өөр хүн байгаа аятай таг дуугаа хураачихаад байсан юм. Би суудлаасаа босох зуураа түүний анхаарлыг өөр дээрээ татан, даган явахыг дохилоо. Энэ үед би Курогири-сан Шики бид хоёрыг хоосон нүдээр ширтэж байснаа аажмаар харцаа түүн дээр тогтоохыг анзаарав.
-Нөгөө, багш аа, би нэг зүйл... хэмээн намайг ярьж эхэлтэл Шики миний яриаг дуусгалгүй, Курогири-санг хариу хэлэхээс урьтан анх удаагаа ам нээлээ.
-Азака-сан сая надтай ярьж байсан юм, эрхэм ээ. Намайг Шики гэдэг. Танилцахад тун таатай байна.
Гайхамшиг гэж энийг л хэлэх байх. Тэр саяынх шиг ингэж эелдэг, хүндэтгэлтэйгээр ярихын тулд хүний хэрээс давсан хүчин чармайлт гаргасан биз. Би түүний ёжилж байгааг үгүйг нь ч ялгаж чадсангүй. Түүний хувьд бол юуг ч тааварлан хэлэх аргагүй шүү дээ.
-Дуугүй байдал чинь анхаарал татаад. Намайг уучлаарай гэж багш хэлээд:
-Би чамайг урьд нь харж байгаагүй санагдах юм. 10-р анги уу? гэж асуув.
-Болж магадгүй л юм. Цаг хугацаа харуулах байлгүй дээ. Би сургуультай танилцах аялал хийж яваа юм л даа. Сэтгэлд нийцвэл шилжиж ирэх юм.
-Дүрэмт хувцас таалагдсан нь ойлгомжтой байна. Хурдан шийдвэрээ гаргаарай гэж Курогири-сан дахин толгой дохин өгүүлэв. Тэр ихэд таашаасан янзтай Шикиг урлаг судлаач уран баримал судалж байгаа аятай шимтэн ажиглаж байлаа.
Гэтэл хаалга зөөлөн тогшиж, тэдний ярианд саад учрав. Удалгүй хаалганы цаанаас хэн нэгний бүгтхэн хоолой сонстлоо.
-Орж болох уу?
Хаалга үл мэдэг чахран нээгдэж, дээд ангийн охин орж ирэв. Түүний хүрэн нүд өрөөг хүйтнээр тойруулан харлаа. Курогири-сангийн арын цонхоор сэвэлзэх зөөлөн салхи түүний нуруу руу унжсан хар үсийг мэдэгдэхгүй шахам хийсгэнэ. Рейнд хэзээний л хөөрхөн охид сурдаг боловч энд хүртэл энэ охин гоцгойрмоор ажээ. Би түүнийг мэддэг байлаа. Сурагчдын зөвлөлийн даргыг би өнгөрсөн жил мартахгүй болтлоо тогтоож авсан юм. Тэр үргэлж нөгөө хүнийхээ дээрээс харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх бөгөөд урт нарийхан хөмсөг нь түүнийг чанга хатуу харагдуулна.
-Аа Ожи юу? Цаг болчихоо юу? гэж Курогири-сан Ожи Мисаяад хандан хэлэв.
-Тийм. Товлосон цаг хэдийн өнгөрчихөөд байна гэж тэр итгэлтэй хариулаад:
-Та 1 цагт сурагчдын зөвлөлийн өрөөнд очих ёстой байсан. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Тийм болохоор бид цагийг чадах чинээгээрээ ашиглаж, үр бүтээлтэй өнгөрүүлэх ёстой биз дээ? гэж Ожи гэм хийсэн багшийг нүд цавчилгүй зэмлэв. Тэр өөр хэнд ч байдаггүй өөрийн онцлогтой ёсорхуу байр байдлаар биеэ авч явах бөгөөд үүгээрээ сурагчдын зөвлөлийг аль чадахаараа чанга хатуугаар удирдана. Намайг шилжиж ирэхэд тэр хэдийн сурагчдын зөвлөлийн дарга болсон байсан ба Фүжиногийн хэлснээр бол гэлэнмаа нар ч түүнд халдаж чаддаггүй байсан гэнэ. Бас цуу яриа үнэн бол түүнтэй нэг овог хуваалцдаг сургуулийн удирдах зөвлөлийн дарга ч түүнд ойртдоггүй ажээ.
Гэхдээ гэр бүлийнх нь талаар бодоод үзвэл ингэхээс ч аргагүй юм. Удирдах зөвлөлийн дарга тэднийд хүргэн орсон тул Ожи гэр бүлийн хоёр дахь охин Ожи Мисаяатай тэнцэхгүй нь ойлгомжтой. Ожи овгийнхон маш баян, эртний гэр бүл. Тэдний овог байшин барилга болон ганц нэгээр тогтохгүй гудамжинд хадаатай байдаг. Ожигийнх эмэгтэй хүүхэд өргөж авдаг хачин зуршилтайн зэрэгцээ тэдний гэрлэлтийг урьдчилан төлөвлөж, хамгийн шилдэг гэсэн хүргэдийг сонгон гэрлүүлнэ. Ожигийн охидтой гэрлэсэн хүн Ожи гэсэн овог авах ёстой. Харин охид мөнгөний хаант улсын удам залгамжлагч болох няцашгүй хүсэл зорилготой хүмүүс болж хүмүүжсэн байдаг. Үүнээс болоод Ожи Мисаяагийн зүрх төмөр болсон байлаа. Гэвч тэр бурангуй дарлагч байсангүй. Үнэндээ шударга ёсыг машид баримтлан сахьдаг ба сургуулийн дүрмийг зөрчсөн хүмүүст өршөөл үзүүлдэггүй боловч бусдынх нь хувьд бол үлгэр дуурайл, халамжтай эгч нь болдог байв. Бүр христийн үнэнч шүтлэгтэн тул ням гариг бүрийн сүмийн цуглааныг алгасдаггүй байлаа.
-Ожи-сан хатуу байна шүү. Цаг хугацаа, үхлийн дараах ертөнцийг арай уян хатнаар харах нь ухаалаг хэрэг байж мэдэх юм шүү дээ хэмээн багш инээмсэглэн босч, сандлаасаа холдлоо. Ожи Мисаяа түүний хөдөлгөөн бүрийг тэсгэл алдан харах аж. Ёс журмыг тэгтэл баримталдаг түүн шиг хүний хувьд Курогири-сангийн тайван алхаа зэвүүцлийг нь барж байгаа нь гарцаагүй.
Ожи Шики бид хоёр руу хармагцаа хөмсгөө өргөв. Бидний энд байгаа нь түүнд саад болж буйг ухаармагцаа би азаа үзэх хэрэггүй, явсан нь дээр гэсний дохио болгож Шикигийн гарнаас татлаа. Би үүд чиглэн алхах зуураа:
-Явъя гэж шивнэв. Курогири-сан тийм ч дадамгай бус хөдөлгөөнөөр бидэнд хаалга нээж өгөхөд би хурдхан толгой бөхийн өршөөл хүслээ.
-Үгүй дээ гэж багш тэр дор нь хэлээд:
-Үүнээс илүү тус болж чадаагүйд харин намайг уучлаарай. Та хоёр өвлийн амралтаа сайхан өнгөрүүлээрэй гээд салах ёс болгон сүүлийн удаа инээмсэглэв.
-Эрхэм ээ, та үргэлж ингэж гунигтай инээмсэглэдэг үү? Би яаран эргэж, Шики Курогири-санд ингэж хэлэхийг нь харав. Тэр хариуд нь гайхсан гэхээс илүү урьдаас мэдэж байсан аятай нүдээ томруулан толгой дохилоо.
-Би огт инээмсэглээгүй шүү дээ.
Гэвч цахилгаан цахих шиг хурдан үзэгдээд өнгөрсөн түүний нүүрний хувирал эсрэгээр хэлж байвай.

Англи хэлний багшийн өрөөнөөс гараад Шики бид хоёр дотуур байр руу яаран алхацгаав. Бид замаараа том талбайн дундуур өнгөрлөө. Рейн охидын сургуулийн байгууламж их сургууль шиг нүсэр, байшингууд нь ч зай талбай ихтэй. Сурагчдыг аль болох их алхуулах гэсэн янзтай дунд сургууль, ахлах сургууль, биеийн тамирын заал, дотуур байр нь бүгд тусдаа байртай. Ялангуяа хичээлийн байрнаас дотуур байр хүртэл бүр хол бөгөөд ой дундуур явах хэрэг гардаг байв. Азаар зам тавьсан байдаг тул төөрөхгүйн зэрэгцээ сургуулийнхаа гуталтай явж болдог байлаа.
Талбай өнгөрөөд бид дотуур байр руу хөтлөх замаар орон алхлаа. Бидний алхам нэг бүр бүдэгхэн цуурайтна. Би түүн рүү хяламхийтэл тэр нэг л... хачин харагдав. Ердийнхөөсөө илүү гэсэн үг л дээ. Тэр ямар нэг зүйл сэтгэлийг нь зовоогоод байгаа янзтай харагдаж байлаа. Учрыг нь би мэдэх юм шиг санагдав.
-Курогири-сан Микияа хоёр адилхан харагдаж байгаад гайхав уу? гэж би шуудхан асуугаад тавьчихав.
-Тэглээ гэж Шики хүлцэнгүй гэгч нь толгой дохин хэлээд:
-Гэхдээ тэр Микияагаас арай царайлаг юм гэлээ.
-Магадгүй л юм. Би түүнээс ямар нэг сэжигтэй юм олж харсангүй.
Яахын аргагүй бид адилхан бодож шүү. Би Курогири Сацүкиг анх хараад ахтай минь гадна төрхөөрөө ч, бусдад төрүүлэх сэтгэгдлээрээ ч адилхан байснаас болоод Шики шиг л мэл гайхаж байсан юм. Гэхдээ насны зөрүүнээс болоод тэр бүгдийг байгаагаар нь хүлээж авах чадвараараа Микияагаас илүү байлаа. Эргэн тойрныхоо хүмүүстэй ямар ч холбоогүй мэт мэдэрдэг Шики бид хоёр шиг хүн тийм хүмүүстэй уулзахаараа үргэлж нэг төрлийн цочролд ордог юм.
Курогири Сацүкиг харах бүрт би хэзээ ч Микияатай адил жирийн байж чадахгүй гэх тэвчих аргагүй үнэн санаанд орно. Би хэзээ үүнийг олж мэдсэнээ санадаггүй ч, тэр үедээ уйлж байснаа мэдэж байлаа. Бага насны эртний бүдгэрч улирсан дурсамжинд минь би түүнтэй нэг дээвэр доор амьдрах тусам улам ч ихээр хайрлан дурлахаа ойлгосон нэг хэсэг хадгалаатай байдаг юм. Миний оршихуйн гажуудал. Ах дүүс иймэрхүү юм бодох ёсгүй гэдгийг мэдэж байсан ч би огтхон ч харамсдаггүй. Харамсах ёстой зүйл байдаг бол тэр чухал мөчийг санахгүй байгаа минь юм.
-Гэхдээ л хичнээн адилхан харагдаж байлаа ч тэр Кокуто Микияа биш, Курогири Сацүки гэдэг хүн. Хольж хутгах хэрэггүй шүү гэж би Шикид анхааруулав. Тэр надтай зэрэгцээд алхаж байсан ч би түүний ижилхэн зүйл бодож байгааг мэдэж байв. Гэтэл тэр зөвшөөрөхийн оронд хөмсөг зангидан:
-Тэд ижилхэн харагддаг биш, харин... гэж бувтналаа. Гэвч тэрний үг дундаасаа замхран алга болов. Тэр зогтусаж, биднийг хүрээлсэн ойн гүн рүү ширтжээ.
-Азака, ойд нэг юм байна. Модон байшин байж мэдэх юм. Юу юм бэ?
-Аа, тэр үү? Дунд ангийн хуучин хичээлийн байр. Ашиглаагүй их удаж байгаа. Энэ өвлийн амралтаар нураах юм. Яагаад асуух болов?
-Харах хэрэгтэй байна. Би нэг юм харах шиг боллоо. Надгүйгээр явж бай гэчихээд тэр дүрэмт хувцсаа сэржигнүүлсээр, аюулыг үл хайхран ой руу гүйн одов.
-Шики, хүлээгээч. Чи ганцаараа явахгүй гэж амласан шүү дээ гэж би түүний хойноос хашхирсан ч нэмэр болохгүйг ойлголоо. Тэр дэндүү зоргоороо болохоор араас нь дуудаад зогсоож чадвал жинхэнэ гайхамшиг гээч нь болох биз ээ. Би түүний араас нэг ч алхаж амжаагүй байтал ард хэн нэгэн:
-Кокуто Азака гэж дуудах нь сонстов.


Last edited by zolushka_717 on Jul.05.17 1:36 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.05.17 9:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.05.17 10:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
mmiracle wrote:
Баярлалаа :wd: :wd:

Гүй мөн урамтай уншигч шүү. Оруулаа л бол хэдэн цагийн дараа заавал гоё урмын үг бичдэг, бас санаа бодлоо хуваалцдаг. Баярлажаагаад баярлаж явдаг шүү хэхэ


Top
   
PostPosted: Jul.06.17 2:05 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13460
Location: Düsseldorf, Germany
1 r dewter ni bnu? ehnii page dr bga linker orohor bolku een!

goi yumnas hotsorzon bhin say l harloo!

nom oruulj bgad bayarlalaa!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.06.17 2:57 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
I дэвтэр
https://www.dropbox.com/s/gwqwahovhcem4 ... .epub?dl=0


Top
   
PostPosted: Jul.06.17 9:45 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 13460
Location: Düsseldorf, Germany
bayarlalaa :)

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jul.07.17 12:37 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
1.

Чамд даалгах шинэ ажил байна Шики.
1-р сарын 2-ны орой Токо утасны цаанаас ингэж хэлсэн юм. Энэ удаагийнх түүний өмнө нь даалгаж байсан ажлуудаас тэс өөр байлаа. Азакагийн сурдаг Рейн охидын сургуульд хачирхалтай явдал тохиолдсон ч, хэргийн эзнийг олж илрүүлэх даалгавар миний сэтгэлийг огт хөдөлгөсөнгүй.
Риоги Шики би хэдэн сарын өмнө хүний амь хороож магадгүй гэсэн амлалтанд нь найдан Аозаки Токотой нэгдсэн. Гэтэл энэ ажил юу гээч нь вэ? Зорилгоос минь холоо хэвтэнэ. Сэтгэл ханах нь бүү хэл сонирхол ч татахааргүй ажил. Гэсэн ч ингэж бодохын хажуугаар Токогийн амласан боломжуудыг тооцохгүй байсан ч, би нэг ч хүний аминд хүрээгүй байгаагаа сайн мэдэж байв.
Өө нээрэн, харах төдийгөөрөө аливаа эд юмсыг мушгиж чаддаг нэг охинтой таарсан тохиолдол бий л дээ. Гэхдээ л төгсгөл нь миний санасан шиг болоогүй. Эцсийн мөчид, цус үзэх гэсэн шунал хүсэл минь хэзээ ч байгаагүйгээр их оргилсон ч би түүнийг алж чадаагүй. Тэрний тэр онцгой нөхцөл байдлаас болсон юм биш л дээ. Бидний тулаан гайхалтай байснаас тэр. Хамгийн шилдэг нь. Үүгээрээ л сэтгэлээ зогоох хэрэгтэй байх.
Сүүлийн хэдэн долоо хоногт түүнтэй төстэй зүйл тохиолдоогүй болохоор өлсгөлөн минь тэвчихийн аргагүй болчихоод байсан юм. Тиймдээ ч энэ уйтгартай ажлыг хүлээн авсан билээ. Тэгээд ч надад өөр хийчихмээр зүйл байсангүй. Уйдаж гансран өрөөндөө унтах, Рейн охидын сургууль руу очиж, уйдаж гансран Азакагийн өрөөнд унтах хоёр бараг ялгаагүй юм хойно. Ядаж л Рейн сургууль дээр гарч орж, нааш цааш хөдөлж явах боломж нь арай илүү юм даа. Ингээд л би дотуур байртай дотор давчдам охидын сургууль дээр 3-р улирлаас шилжин ирэхээр танилцах аялал хийж яваа сурагчийн дүр эсгэн, Азакагийн харж үл чадах шидэт дагинуудыг хайж олохоор яваа минь энэ байлаа.

Би модны захыг өнгөрөөд хурдаа жаахан сааруулж, Азака хойноос дагаагүйг ойлгомогцоо тайвнаар алхаж эхлэв. Хаашаа л харна зүү шиг битүү шигсэн ногоон навч сүүдэрлэн бараантаж, миний очих гэж яваа сургуулийн модон байшин ойн гүнд өтгөн моддын цаана далдлагдан, дөнгөж үзэгдэх төдий байлаа. Тэнгэр бүрхэг байгаагаас болсон ч юм уу, эсвэл өөр үл мэдэгдэх шалтгааны улмаас модны завсраар шагайх нарны туяа сааралтан, манан шиг харагдах ажээ.
Рейн охидын сургуулийн барилгууд хоорондоо дэндүү хол зайтай бөгөөд хүн явдаггүй газраараа модны навч цаг хугацааны эрхэнд далбайн ургажээ. Сургуулийн нутаг дэвсгэрийн ихэнхийг хоосон талбай, эцэс төгсгөлгүй ой мод эзэлнэ. Сургуулийн ойролцоо ой байдаг биш ойн хаа нэгтээ сургууль байдаг гэж болохоор.
Навчны шүүсэнд чийгтсэн шороо гутланд наалдаж, болсон жимсний танил таатай нялуун үнэр хамар шүргэнэ. Энэ бүхэн модон дээрхи шавжны дуутай хоршин миний ухаан балартах шахаж байлаа.
Энд цаг хугацаа удааширч, бүх юм танил дотно, аядуу тайван, бодит ертөнцөөс тасарсан мэт санагдана. Гэнэт би бүхэл байшинг өөрийн ертөнц болгон хувиргасан шидтэнг, бас хуучин дурсамжнаасаа Риогигийн байшинг нэхэн саналаа. Тэд хоёул хана хэрмээр нийгмээс зааглагдсан байсан. Тэд хоёул жирийн ертөнцөөс тусгаарлагдсан байсан. Рейн охидын сургуульд ч тэднээс ялгарах юм байсангүй.
Удалгүй би байшинд хүрэв. Эргэн тойрных нь модыг тайрсан тул тодхон харагдаж байлаа. Модоор хийснийг нь тооцохгүй байлаа ч байшин хуучны хийц маягтай ажээ. Тэр гүн нойрсож байгаа араатан шиг, эсвэл үхлээ хүлээн хэвтэрт буй хүн шиг ойн цоорхойн голд амьсгаагүй дүнхийнэ. Эргэн тойронд нь зүлэг ногоо битүү ургаснаас миний хөлийн чимээ намсан дарагдах тул би шаламгайлан хөдөлж нам гүмийг сандаалгүйгээр байшин руу орлоо.
Дотор нь гаднаасаа харагдсан шигээ хуучин байсангүй. Арай жижиг ч юм шиг санагдсан нь Азака дунд сургуулийн хуучин хичээлийн байр гэж хэлснээс болсон байж мэдэх юм. Модон шалан дээгүүр гишгэх бүр хяхнаж дуугарах чимээ эзгүй хонгил руу цуурайтан намсаж, үхсэн мэт нам гүмд гаднаас сонстсоор байгаа шавжны чимээтэй уусна.
Цааш алхах зуураа би түрүүн Азакагийн танилцуулсан багшийг бодлоо. Курогири Сацүки. Азака түүнийг Микияатай адилхан харагддаг гэж хэлсэн, тэр нь ч зөв. Гэхдээ үүнд тийм онц гойд зүйл үгүй. Адилхан хүмүүс өч төчнөөнөөрөө бий. Гэвч бусдад төрүүлэх сэтгэгдэл нь хүртэл адилхан байгаа нь эвгүй байлаа. Гэвч тэдний хооронд ямар нэг илэрхий, маш том нэгэн ялгаа байгааг би мэдэрсэн ч, тохирох үгээ олж чадаагүй тул хэлээ хазсан юм. Сүүлийн үед надад ийм нэг онцгой мэдрэмж төрөх болсон байлаа. Мэдэх биш харин мэдрэмж. Хүний араншин шүү дээ.
Хагас жилийн өмнө ухаан ороод би мэдэх мэдэхгүйн хооронд, миний дотор аливаа зүйлийг урьд нь туулж өнгөрсөн ч юм шиг, эсвэл бүр цоо шинэ зүйл үзэж байгаа ч юм шиг мэдрэмж зэрэгцэн оршиж байлаа. Гэвч би сүүлийн хэдэн сард Шикигийн ч мэддэггүй байсан шинэ зүйлсийг үзэж туулсан. Хэдийгээр бүдэгхэн зураас төдий хязгаар боловч би хэзээ хэзээнээс илүүтэйгээр ослын өмнөх Шики болон, комоос сэргэсэн бид хоёр хичнээн их ялгаатайг мэдэрдэг болсон байлаа. Токогийн хэлж байсан сэтгэл дэх хоосон зай минь шинэ дурсамж, бодит ертөнц, бага сага сэтгэлийн хөдөлгөөнөөр аажмаар нөхөгдөж байв. Амьдралыг бүрэн гүйцэд мэдрэхгүй хэвээр боловч анх сэрэхэд минь байсан хоосрол бүрмөсөн үгүй болжээ. Тиймээс магадгүй, ердөө л магадгүй хэзээ нэгэн өдөр хоосорсон сэтгэл минь дүүрэн болсон цагт би жирийн байх гэсэн биелэшгүй мөрөөдөлдөө хүрэх боломжтой болж мэдэх юм.
-Бид хоёрын бяцхан мөрөөдөл. Тийм биз дээ ШИКИ? гэж би шивнэв. Гэсэн ч сэтгэлийнхээ гүнд би хариулах хүн үгүйг мэдэж байлаа. Гэтэл үл үзэгдэх хаа нэгэн газраас хэн нэгэн хүн хариу хэлэв.
-Тэнэг хүний мөрөөдөл байна.
Ердөө шивнээ төдий хоолой хонгилоор дамжин цуурайтаж, шавжны чимээтэй уусан одлоо. Гэтэл ар шилэн дээр минь нэг зүйл хатгачихав.
-Хараал ид гэж.
Би бодлоосоо ангижирч, сэхээ оров. Яаран хүзүүндээ хүртэл гарцаагүй ...ямар нэг зүйл гарт баригдах нь тэр. Гарнаас минь үл ялиг том хэмжээтэй хүн дүрстэй юм шиг мэдрэгдэж, би олон юм бодсонгүй бяцалж орхитол утас шиг нарийхан дуу дуулдав. Би гараа суга татан, алгаа харлаа.
Хачирхалтай цагаан өнгөтэй шингэн л үлджээ. Гарын салаагаар өтгөн, наалдамхай шингэн урсаж, шалан дээр дуслав. Миний бяцалсан зүйлээс үлдсэн зүйл ердөө л энэ гэж үү? Гэнэт би Токо, Азака хоёрын шидэт дагины тухай яриаг санав. Би энд байх хугацаандаа түүнтэй төстэй юм огт хараагүйн зэрэгцээ гарт минь байгаа зүйл шидэт дагинатай хамаатай үгүйг хэлж мэдэхгүй байв. Би шингэнийг арилгахаар гараа сэгсэрч:
-Заваан юм гэж дуу алдлаа. Хачирхалтай нь түрүүхэн наалдамхай байсан зүйл арьсан дээрээс минь төвөггүй гулсан арилж байлаа. Гэтэл шингэнтэй зууралдаж байх хойгуур эргэн тойрон үхсэн мэт аниргүй болсныг би гэнэт анзаарав. Шавжнууд ч чимээгүй болжээ. Гэхдээ шавж мөн байсан болов уу? Миний устгасан юм үнэхээр шидэт дагина эсвэл тиймэрхүү төрлийн зүйл байсан бол тэд ганцаараа байхгүй нь лав. Амархан үгүй болдог зүйл шидтэнд тэгтлээ тус болох нь юу л бол. Тиймээс сүргээрээ байх ёстой. Шавж гэж бодсон зүйл үнэндээ тэд байж магадгүй л юм. Харин хамтран зүтгэгчийг нь устгахыг хараад эзэн нь бушуухан ухрахаар шийдсэн байх.
Юутай ч байшингаас ямар нэг юм олох хөг нь өнгөрөө биз ээ. Би ирсэн замаараа буцаж, Азакаг орхисон ойн замаар алхлаа. Удалгүй түүнийг дахин олж харав.
Азака надаас үл ялиг намхан нуруутай, бүсэлхийгээ шүргэсэн үстэй. Түрүүний уулзсан Ожи гэгч охин шилтгээний хатан хаан шиг биеэ авч явдаг бол Азака гүнжтэй адил байлаа. Гэхдээ зөрүүд гүнж шүү. Би модны захаас гарч түүний дэргэд очих үед л тэр сая намайг анзаарав.
-Зөрөхөөр шийдээ Шики? гэж тэр яагаад ч юм будилсан янзтай асуув.
-Юун зөрөх?
-Тэнэг ээ, тийшээ явахыг чинь хэлж байна хэмээгээд тэр миний гарч ирсэн газар болох ойн хуучин байшин руу толгойгоороо зангав. Бид хоёул будилж гүйцсэн янзаар хэдэн хором өнгөрсний эцэст би юу болсныг ойлголоо.
-Азака, чи цаг хэд болж байгааг мэдэж байна уу? гэж би асуув.
-Өдрийн 2... гэснээ түүний үг тасалдан алга болов. Би учрыг нь мэдэж байлаа. Хэдийн 3 цаг болчихсон байсан юм.
-Би чамайг бүтэн цагийн турш намайг хүлээгээд зогсож байх юм гэж санасангүй. Саяын нэг цагийн хооронд юу болсныг чи санаж байгаа бол ч асуудал алга л даа. Гэхдээ... гээд би үгээ таслав. Азака урууландаа гараа хүргэн чимээгүй зогсож байснаа юу болсныг ойлгосон мэт чичирч эхэллээ. Тэр хоосон агаар гөлрөх зуураа хичнээн их цочирдсоноо нуух гэж оролдох ч үгүй байв. Гэхдээ би тэрний миний араас дуудсанаас авахуулаад намайг эргэж ирэх хүртэл юу ч санахгүй байгааг нь хэдийн ойлгосон байлаа.
-Шики, би арай...
Тэр толгойноосоо хөлийн хуруу хүртлээ бүх бие нь салганан чичирч байв. Гэвч айсандаа биш уурлаж хилэгнэсэндээ байж ядаж байгааг нь би ойлголоо. Хэн нэгэн өөрт нь мэдэгдэлгүйгээр түүнд ямар нэг зүйл хийнэ гэсэн бодлыг тэр тэвчиж ч чадахгүй байв.
-Надад заавал хэлэх шаардлага байгаа үгүйг би мэдэхгүй юм гэж би түүний хоолойгоороо давуулж чадахгүй байгаа зүйлийг хэлээд:
-Гэхдээ шидэт дагина чамайг чадчихаж. Дурсамжийг чинь ч гэсэн авчихаа биз гэлээ.
Намайг ингэж хэлэв үү үгүй юу тэр минчийтлээ улайв. Тэр юу ч чаддаггүй шидтэн шиг болгоомжгүй аашилснаа ойлгож, ичсэндээ болоод ичингүйрэх ёстой юу уурлах ёстой юу гэдгээ ч мэдэхээ байсан бололтой. Азака ихэнхи үед биеэ барьж, тайван байдаг ч, ихээхэн хичээж хадгалдаг дүр төрхнөөсөө төсгүй авир гаргаж бусадтай адил тэсэрдэг гэдгээ хүмүүст мэдэгдэхийг үзэн яддаг юм. Азака хоолойгоо засаад:
-Дотуур байр руу явцгаая. Өөрсдийн гэсэн төлөвлөгөө гаргасан нь дээр юм шиг байна гэлээ. Түүний хоолой цухалдуу, алхаа нь шалмаг, шийдмэг байлаа. Би түүний араас ширтэх зуураа өөрийг нь биширч байгаагаа хэлбэл яах бол хэмээн гайхширч байтал:
-Шики явах юм уу, үгүй юм уу? гэж Азака хашхирах нь халаг хэлэв. Надад бодох цаг үгүй бололтой. Би бушуухан түүнийг гүйцэж очоод, алхаа нийлүүллээ.


Top
   
PostPosted: Jul.07.17 4:36 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
2.

Дотуур байранд буцаж ирээд зарим нэг 10г ангийн сурагчтай ярилцаж байх зуур хэдийн харанхуй болсон байлаа. Хэдийгээр өвлийн амралт эхэлсэн ч, дүрэм журам үйлчилсэн хэвээрээ байгаа нь ойлгомжтой байсан тул бид Азакагийн өрөө рүү буцах хэрэгтэй болов.
Оройн 6 цагаас хойш сурагчид сурдаг ангид нь хуваарилсан дотуур байр, угаалгын өрөө, 1-р давхарт байрлах давтлагын танхим руу ирж очихоос өөр хаашаа ч явж болдоггүй аж. Ахлах ангидаа шилжиж ирсэн дүрэм мэдэхгүй сурагчид найзтайгаа уулзахаар өөр ангийн хэсэг рүү нууцаар очих оролдлого гаргадаг тул гэлэнмаа нар шөнийн цагаар хонгилыг харгалзана. Харин дунд ангиасаа Рейнд сурсан сурагчид дүрэмд хэдийн зохицсон байдаг бөгөөд нэг бол гадагш гардаггүй, эсвэл гарсан байлаа ч гэлэнмаа нарын харуулдаж байгаа газрыг сайн мэдэх тул хүний нүдэнд өртдөггүй ажээ.
Ядаж ч Азака надад ёсорхуу гэгч нь ингэж тайлбарласан байлаа. Гэвч надад огт хамаа байсангүй. Би тэрний өрөөнд гиюүрч байх зуур Азака сандал дээрээ цомцойж байлаа. Бидний байгаа өрөө урт нарийхны зэрэгцээ 10-р ангийнхан хоёулаа суудаг ажээ. Харин миний аз болоход Азакагийн өрөөний охин өвлийн амралт гээд гэртээ харьсан байв. Тасалгаанд хананд тулгаж тавьсан хоёр бичгийн ширээ, давхар ор байна. Ханан дахь номын тавиур болон шүүгээнд сурагчид хувийн эд зүйлсээ хадгална. Өрөө байшин шигээ хуучин гэдэг нь илт боловч түүхийн нэгээхэн хэсэг мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, таатай, тухтай байлаа.
Өрөөндөө буцаж ирсэн даруйдаа Азака дүрэмт хувцсаа тайлж унтлагын хувцсаа өмссөн байв. Би ч гэсэн гэлэнмаагийн бариу өмсгөлийг тайлж хаяхыг хүссэн ч солих хувцас авчраагүй тул Азакагийн халатыг өмсөхөөс өөр аргагүй байдалд орчихоод байлаа. Хийчихмээр юм байсангүй тул би орон дээр суугаад Азакагийн яриаг чагнав.
-Оройн цагаар өрөөнөөс гарч чадахгүй юм чинь... гээд тэр үргэлжлүүлэн:
-...өнөөдөртөө ингээд дуусгая. Ер нь бол бид өглөө 5 цагт босдог боловч одоо өвлийн амралт болж байгаа болохоор 6 хүртэл унтаж болно. Шики, сурагчид болон гэлэнмаа нарын хэн нь ч биднийг 10г-н хэргийг мөрдөж байгааг мэдэхгүйг мартуузай. Тийм болохоор хэтэрхий хачин аяглахаас зайлсхийж, хоёр биендээ анхаарал татахгүйг тун их хичээж үзээрэй. Чамаас ялгаатай нь би энд үлдэх болохоор нэр хүндэд минь халтай элдэв төвөг үүсгэхгүй байхыг хичээнгүйлэн хүсэх байна гэв. Эдгээр үгсийг би урд шөнө бараг л үсгийн зөрөөгүй яг энэ чигээр нь олж дуулсан байлаа. Тэрэнд ингэтэл санаа зовох ямар шаардлага байгааг би огт ойлгохгүй байв. Үнэндээ бүр түүний хэлснээс огт эсрэгээрээ би уйдаж үхэх шахан, хуруугаа хөдөлгөхөөс ч дургүй хүрч байлаа.
-Тайвширч үз. Би энд ердөө л чиний нүд болохоор ирсэн болохоор хутга ч авчраагүй. Бас дагинат шидтэний эсрэг ямар нэг өс өвөрлөөгүй болохоор учрыг нь олох гэж яарч барьсан юм алга. Харин ч тэрний араас улаан галзуу юм шиг хөөцөлдөж мэдэх чиний түргэн аашинд л санаа зовж байна.
-Бас л хэрэггүй юманд санаа зовж дээ. Бид хэрэг явдлын ардах эзнийг олох ёстойгоос биш устгах үүрэг хүлээгээгүйг би мэдэж байна. Мөрдөж илрүүлээд Токо-санд шилжүүлнэ. Үлдсэнийг нь тэр хийнэ.
Тэр онцгой тайван хоолойгоор хүүрнэсэн ч, түүний нүдэн дэхь галын дөл өдрөөс хойш огт бөхсөнгүй. Шидэт дагинатай тохиолдсон явдлыг хэтэрхий хүндээр тусган авсан болохоор цаг нь ирэхэд довтлохоос өөр сонголтыг тэр олж харахгүй билээ.
-За за, чадах үгүйг чинь харж л байхаас даа гэж би арга мухардан өгүүлэхэд Азака намайг цоо ширтлээ.
-Шики, чи надаар тохуурхаад байгаа юм биш биз?
-Чиний хэлсэн ёсоор чи бас л хэрэггүй юманд санаа зовж дээ.
Түүний над руу ширтэх буруутгасан харц Микияагийн сэжиглэсэн харцтай дэндүү адилхан байлаа. Би Микияаг тэгж харах үед инээдээ барьж дийлдэггүй юм. Гэвч энэ тохиолдолд миний үйлдэл Азакагийн сэтгэлийг улам дордуулж орхив.
-За яах вэ, би уурлахгүй гэдгээ амлачихъя. Тэгэхээр чамд намайг шүүх боломж олдохгүй гайгүй. Одоо чухал хэрэгтээ эргээд оръё гэж хэлэх зуураа тэр хоолойгоо өөрчлөв.
-Өнөөдөр уулзсан хүмүүс дотор ямар нэг байдлаар хачин санагдсан хүн байна уу?
-Хачин гэнэ ээ? Үнэнийг хэлэхэд бүгд хачин байсан. Бидний уулзсан 10г-н сурагчдын бүгдийнх нь хүзүүн дээр юм наалдсан байсан.
-Юм гэдгээрээ чи чиний алсан гээд байгаа шидэт дагины цусыг хэлж байгаа байх нь гээд түүний хөмсөг атиралдан зангирав. Тэр намайг тун сайн (түүний хувьд бол судалгаа) дагуулыг үгүй хийж орхидог тэнэг гэж бодож байгаа нь лавтай. Даанч тэр нь үнэн учраас би энэ тал дээр түүнтэй маргаж чадсангүй.
-Цус байсан гэж бодохгүй байна. Эрвээхийн далавчинд байдаг хогжруу гэвэл арай дөхөж очно. Зүгээр нэг шингэн байсан бол хүмүүс анзаарах байсан биз дээ? Өдөр уулздаг нөгөө багш Курогирид ч тийм зүйл байсан. Тухайн үед би юу гэдгийг нь мэдээгүй ч одоо бодохнээ ижилхэн зүйл байж.
-Тийм юм бий. Гэхдээ Шики, энэ явдлын ард хэн ч байсан, тэр яагаад хүмүүсийн дурсамжийг аваад байгаа юм бол?
-Бүү мэд. Надад ямар тэгэх шалтгаан байх биш.
-Чамаас асуудаг би тэнэг юм гэж Азака эгдүүцээд намайг тоохоо больж, цуглуулсан баримтуудаа нам дуугаар тоочиж эхлэв.
-12-р сард 10г ангийнхан эзэд нь хүртэл нь мартсан нууцын талаар захиа хүлээн авсан. Тэр үеэс хүнийг унтаж байхад дурсамжийг нь нууцаар хулгайлдаг шидэт дагины талаар цуурхал сургууль дээр тарж эхэлсэн. Өвлийн амралт эхлэхийн өмнөхөн 10г-н 2 сурагч захидлаас болж маргалдан, цаасны хутга барин хоёр биен рүүгээ дайрсан. Сурагчид тэднийг зогсоох гэж оролдоогүй. 1-р сар гарчихаад байхад хүртэл хэн ч тэр талаар ам нээхгүй байсаар, байдал тун түгшүүртэй, яах ч аргагүй байна.
Тэр хутга шиг хурц нүдээр намайг хэсэг ширтсэнээ яриагаа үргэлжлүүлэв.
-ТЭР нэг шидэт дагинатай тулгарсан. Харин би бүтэн нэг цагийн ой санамжаа алдсан. Би юу хийж байсан юм бол оо? Юу ч хийж байж байсан болно.
Тэгэхээр тайван, итгэлтэй Кокуто Азакад хүртэл мартах зовлон болдог байх нь.
Харин би?
3 жилийн өмнө 10-р ангид байхад болсон явдлын тухай дурсамж одоо болтол олон цоорхойтой хэвээр. Түмэн янзын утга илэрхийлэх тэр цоорхойнуудаас болж би айж түгшин, янз бүрийн эргэлзээ, янз бүрийн таамаг төсөөлөлд автдаг ч тэдний аль нь ч эцсийн хариулт болж чаддаггүй билээ. Тухайн жил үл мэдэгдэх цуврал алуурчны үйлдсэн зэрлэг аллагуудаас болж, хот тэр чигтээ айдас хүйдэст автсан. Харин дурсамжинд минь үүссэн цоорхойнуудаас үзэхэд би тэр аллагуудыг... аллагуудад ямар нэг байдлаар холбоотой ч юм шиг. Гэвч үүнийг мэдэх хүн байдаг бол тэр нь ШИКИ буюу миний нөгөө хагас байж таарна. Даанч тэр үгүй болсон тул хэрэг явдлыг тодорхой болгох мэдээлэл түүнд байсан ч, түүнтэй цуг үүрд алга болсон билээ.
Хүлээгээрэй... Би яагаад энэ талаар өмнө нь бодсонгүй вэ?
Миний дурсамжин дахь цоорхой ШИКИгийн үхэлтэй холбоотой юм бол... ослын өмнөх дурсамж яагаад алга болсон байдаг билээ? Тэр үед ШИКИ биш Шики хяналтыг гартаа авсан байсан шүү дээ. Дагинат шидтэн дурсамж хулгайлж чаддаг юм бол буцаагаад сануулж чаддаг байж магадгүй биш үү? Гэвч энэ санааг Азакад итгүүлнэ гэдэг амаргүй хэрэг. Бас Азака тэдэнд итгэх үгүйг тооцохгүй байлаа ч, шидэт дагина оршин байгааг би лав зөвшөөрөхгүй.
Нөхцөл байдал хувирлаа ч бид хариуцлага хүлээх хүнийг олох л ёстой. Азака бид хоёрын орхигдуулчихаад байгаа бүхний учрыг тайлах ганц гогцоо нь юу ч байлаа гэсэн тэр энэхүү битүүмжлэгдсэн галзуугийн ордны хананы цаанаас дуудан даллаж байгаа юм шиг санагдаж, үнэнд дэндүү ойртож очсоноо би мэдэрч байлаа.
-Азака, мартагдсан дурсамжийг яаж мөрдөж мөшгих болж байна аа?
-Мэдэж байна аа, мэдэж байна. Чи бид хоёр ямар хүмүүсийг ховсдож, ухамсрыг нь онгичиж чадах биш. Ингэхэд чи дурсамжийн 4 үечлэлийг мэдэх үү?
-Тайлах, нөөцлөх, эргэн санах, таних. Зөв биз? Дүрс хураагуур шиг. Бичигдсэн дүрсийг хальсанд буулгаж, тайлж, нөөцлөнө. Дахиад үзэхдээ дүрсийг эргэн дуудна. Харин таних бол өмнөх дүрс мөн эсэхийг таньж баталгаажуулдаг. Аль нэг алхам нь буруутвал дурсамжийн гажуудал бий болно.
-Зөв. Хүн ямар нэг зүйл мартсан байлаа ч дурсамж нь тархинд нөөцлөөстэй байдаг. Тархины тайлсан бүхэн тархинд үлддэг юм. Хүмүүс бүгдээрээ ой санамж алдах өвчин тусчихаагүй нь мэдээж. Тэдгээр шидэт дагина гээчид ямар нэг зорилгоор тэдний дурсамжийг сугалж аваад байна.
Намайг Рейн рүү ирэхээс өмнө Токо энэ бүхний ард ямар нэг аймшигтай зорилго бий гэж сэжиглэж буйгаа надад аминчлан хэлсэн ч би тэгж бодохгүй байлаа. Хулгайлагдсан дурсамжууд хэдийн мартагдсан байсны зэрэгцээ эзэн нь алга болсныг нь огт анзаараагүй. Үнэндээ бүр захидал илгээж байгаа нь хүмүүст мартагдсан дурсамжийг нь хэлж өгөөд дахин хэзээ ч бүү март гэж сануулж буй сайн санааны үйл шиг санагдана.
-Хэрэгтэн дурсамжуудаас ямар нэг юм хайж байж болох юм. Мэдээлэл ч юм уу, тэрэнд хэрэгтэй ямар нэг нотолгоо ч юм уу гэсэн санал би гаргав. Азака үл мэдэг толгой дохиод сандлаа налж:
-Эсвэл зүгээр л хүний ичмээр дурсамжийг сануулж, бүгдэд зарлах дуртай хүн ч байж магадгүй гэлээ.
-Юутай ч сайн санааны үйлс лав биш. Багадаа л гэхэд дарамт шахалт. Хүүхэд шиг юм гэж би нэмж хэлэв. Шидэт дагина тэртэй тэргүй эрх дураараа байдлаараа хүүхэдтэй төстэй атал надад гайхах шаардлага бий гэж үү? Би энэ талаар дахин бодохгүйг хичээв. Би чинь ердөө л Азакагийн нүд. Нууцын мэдлэгээ ашиглан хариултыг олох ёстой хүн нь тэр болохоос би биш шүү дээ. Ингэж бодоод би орон дээр сууж байснаа больж, хэвтлээ.
-Надад нэг юм хэлж өгөөч Шики гэж залхсан янзтай сууж байсан Азака ичингүйрсэн байдлаар хэлэв.
-Чи шидэт дагиныг яаж харсан юм бэ?
Энүүхнээс болоод одоо болтол санаа нь зовоод байгаа юм байх даа?
-Яадгийг нь би мэддэггүй. Би өөрөө ч нууц хараа яаж ажилладгийг мэдэхгүй. Чамд ийм нүд байхгүй гэдгийг л мэдэж байна. Гэхдээ мэдэрч үзмээр байвал мэддэг шившлэгээ, хийж чаддаг Шидээ төсөөлж агаарын урсгалыг мэдэрч, дулаан санагдаж байгаа газрыг олох хэрэгтэй. Мэдрэхүй сайн бол барьж чадна гэсэн үг.
-Дулаан юм бий вий? гээд тэр толгой дохиж, эрүүгээ тулан бодлогошров. Утгагүй яриа шиг сонсогдсон байж мэдэх ч би худлаа хэлээгүй байлаа. Шидэт дагина амьд амьтан мөн л бол дулаан ялгаруулах нь гарцаагүй. Тиймээс Азакад давуу тал ирэх юм. Тэр хаа нэгтээ шидэт дагина байгааг мэдсэн даруйдаа арай дулаан санагдах газрыг олох хэрэгтэй. Дулаан байна гэдэг нь тэд түүний ойролцоо байна гэсэн үг.
Дараа нь бид бэлтгэлтэй байх үүднээс төлөвлөгөө гаргалаа. Гэнэтхэн Азака санаанд оромгүйгээр өгөөмөр зан гаргаж, унтлагын хувцаснаасаа зээлдүүлсэн нь надад жаахан томдож байлаа. Чингээд би дээд талын орон дээр гарч, унтахаар хэвтэв.


Top
   
PostPosted: Jul.08.17 3:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Ккк Шики хөөрхөн шд. Нээх гоё өөрийнхөөрөө. Ямар миний ажил биш миш гээл.

Баярлалаа :wd: :wd: (урмын үг маань нөлөөлдөг бол ашгүй дээ хаха би заримдаа өөрийгөө нээх ядаргаатай бдаг болов уу гэж боддог шд. Дандаа илүү дутуу олон юм бичдэг. Тэгж бодохоор зөвхөн баярлалаа гэж бичдийн хаха. ФБ-д Харри Поттерийн групп дээр нэг хүний постон доор энэ их зэвүүн гар аа гэж бичээд тэр группээс блоклуулсан хаха. Уул нь бол сэтгэл санаагаа хуваалцаж бгаа царай :oops: )

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.08.17 10:40 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
mmiracle wrote:
Ккк Шики хөөрхөн шд. Нээх гоё өөрийнхөөрөө. Ямар миний ажил биш миш гээл.

Баярлалаа :wd: :wd: (урмын үг маань нөлөөлдөг бол ашгүй дээ хаха би заримдаа өөрийгөө нээх ядаргаатай бдаг болов уу гэж боддог шд. Дандаа илүү дутуу олон юм бичдэг. Тэгж бодохоор зөвхөн баярлалаа гэж бичдийн хаха. ФБ-д Харри Поттерийн групп дээр нэг хүний постон доор энэ их зэвүүн гар аа гэж бичээд тэр группээс блоклуулсан хаха. Уул нь бол сэтгэл санаагаа хуваалцаж бгаа царай :oops: )

Санал бодлоо хуваалцаж байгаа уншигчийг би үнэн сэтгэлээсээ уншиж байна л гэж боддийшдээ. Би өөрөө ном уншихаараа аль болох бусадтай санал бодлоо солилцож, ярьж хөөрмөөр санагдаад хэл ам загатнаад байдаг болохоор. Тэр фэйс групп харин том алдаа хийж дээ


Top
   
PostPosted: Jul.08.17 10:33 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Хоосролын тэмдэглэл III

1-р сарын 5. Мягмар гариг.
Би Шикиг сэрээх гэж 30 хувийн турш хамаг чадлаа шавхсан боловч тэр сэрсэнгүй. Тэр нэг бол дуу чимээг ажралгүй унтаж чаддаг, эс бол сэрчихсэн хэрнээ зүгээр л залхуурч байгаа хэрэг. Ямартай ч, би бууж өгөөд, 7 жаахан өнгөрөөгөөд 1-р давхрын давтлагын танхим руу ганцаараа явахаар шийдэв.
Ихэнх үед давтлагын танхимд байнгын хэдэн сурагч (мэдээж би тэдний нэг) тогтмол байраа эзлэн дуулгавартай нь аргагүй шалгалтандаа бэлдэж байдаг боловч амралт эхэлсэн тул өрөө хоосон байлаа. Заримдаа танхимыг сурагчид зориулалтаас нь өөрөөр ашиглана. Хичээнгүйлэн ном шагайх мэриймтгий сурагч мэдээж байдаг боловч, биеэ зөв авч яваагүй нэгэнд хатуу сургааль айлддаг Эйнбах гэлэнмаагийн нүдэнд өртөхгүй гэж сэрэмжлэх зуураа номын тавиурын ардуур сэм шивнэлдэх хүүхдүүд ч бий. Номын тавиурыг халхавч болгон ашиглах нь амар байдгийг мэдэх учраас хөл хөдөлгөөн багатай амралтын ийм өглөө нууц уулзалтыг чухам энд хийх нь хамгийн тохиромжтой болохыг би ойлгож байлаа.
Тиймээс ч би байдлыг ашиглан, 10г-н ангийн даргатай энд уулзахаар болсон юм. Шики бид хоёр өчигдөр тэдний ангийн зарим хүүхдүүдээс хэдэн юм лавласан боловч хэн нь ч тус болж чадаагүйн зэрэгцээ нэгэн хэвэнд цутгачихсан аятай ижилхэн зүйл ярьсан нь сэжигтэй байлаа. Нэг үгээр хэлбэл бид тэдний амнаас хэрэг болчихмоор үг ганцыг ч унагаж чадаагүй юм. Гэхдээ тэд биднийг гадны хүн гэж тооцох тул бидэн шиг хүнд нээлттэй хандана гэж би анхнаасаа хүлээгээгүй билээ. Тиймээс надад шууд дайрахаас өөр сонголт үлдээгүй байв. Харин үүний тулд өөрсдийн байр суурийг тодорхой ойлгуулж, 10г-н ангийн дарга Конно Фүмиотой ярилцах нь хамгийн зөв байлаа.
Давтлагын танхимд миний бодсон ёсоор үзэгдэж харагдах хүн байсангүй. Танхим дэндүү том учраас халаах зуух байдаггүй байлаа. Тиймээс ч сургуулийн хамгийн хүйтэн, цэлийсэн танхимд орж ирмэгцээ би өвлийн жаварт цохиулан тэрхэн зуур тулгамдан зогстол тасалгааны гүнээс:
-Кокуто, наашаа гэх тайван хоолой дуулдав. Тэр шивнэж хэлсэн боловч эль хуль танхим чанга яригчийн үүрэг гүйцэтгэх ажээ. Би мөр даран эгнэсэн номын тавиуруудыг харцаараа нэгжсэний эцэст хоёр тавиурын голд Конно Фүмио намайг хүлээн зогсож байхыг харав. Би хурдхан хаалга хаагаад дотогш орлоо.
Конно Фүмио бид хоёр Рейн охидын ахлах сургуульд нэгэн зэрэг шилжиж ирснээрээ л ижил байлаа. Өөр нийтлэг зүйл бидэнд байсангүй. Жишээ нь тэр 160 см өндөртэй тул сургуулийн нуруулаг сурагчдын тоонд багтдаг бол миний өндөр ердөө дунджаас хэтрэхгүй, тэр сэтгэл хөдлөл ихтэй, дайчин байхад би сэтгэлээ эзэмдэж чаддаг, тэр богино үстэй, харин минийх нэлээн урт гэх мэт. Тэр бараг л насанд хүрсэн хүн шиг харагдахын зэрэгцээ багаар бодоход их сургуулийн оюутан аятай аяглах ба Рейн сургуулийн удирдлагын хүсэл шаардлагад нийцсэн охидоос ондоо байдлаар биеэ авч явдгаа өөрөө ч мэддэг байсан юм. Би түүний араар нь нуугдсан тавиур руу ойртох зуураа:
-Ийм эрт уулзъя гэсэнд уучлаарай гэж хэлээд анх удаа уулзаж буйн илэрхийлэл болгон бөхийн ёслов. Намайг бөхийх хэдхэн хоромд тэр миний ёс гүйцээж буй явдалд ихэд гайхах нь мэдэгдэж, гараа элгэндээ эвхэх зуураа сандарсан янзтай амьсгаадаж, харц бурууллаа.
-Аа, юу... мартаж үз дээ. Тэртэй тэргүй би ангийнхаа охидоос болоод унтаж чадахгүй байгаа юм. Ийм үед өөр зүйлд сатаарах нь зөв юм шиг санагдаж байна. Тэгээд тэр чухал яриа чинь юун тухай юм дээ? Хаяамагийн тухай юу?
Үнэхээр шулуухан байлаа шүү. Би самгардав.
-Айн? Юу гэсэн бэ?
-Аа, тийм л дээ гээд тэр тэрүүхэн тэндээ инээд алдан хэлээд:
-Чамайг өчигдөр хэний ч танихгүй нэг содон хүний хамтаар ангийнхныг маань шалгааж явсныг сонссон гэх үү дээ. Тэгээд ч 10а-н ангийн дарга өөр юуны талаар надаас ганцаарчлан асуух вэ дээ гээд тэр миний зүг үл ялиг сэрдэнгүй хяламхийлээ. Миний айж байсан ёсоор бидний тухай яриа бодсоноос хурдан тарж орхижээ. Би түүний бяцхан айдсыг үргээхийн тулд Конно руу эгц харлаа.
-Би Хаяама-сангийн талаар анхандаа нэг их юм бодоогүй ч миний алдаа болсон бололтой. Конно-сан би шууд ярья. Захирал надад 10г ангид болсон явдлын талаар мөрдөх даалгавар өгсөн юм. Тийм болохоор тэр талаар мэдэх зүйлээ надад хэлвэл их сайн байна гэж би хүсэв. Гэтэл гайхмаар нь миний хэлэхийг сонсоод өндөр охин барайгаад явчихлаа.
-Захирал өөрөө тэгж хэлсэн гэж үү? Хөөх, нэр хүндтэй сурагч ч үнэхээр ондоо юм аа. Гэтэл надад тэр явдлыг мартсан чигээрээ хичээлдээ л анхаар гэж хэлсэн байдаг.
-Мартсан чигээрээ гэнэ ээ? Тэгвэл...
-Яг тийм. Курогири-сан бид хоёр ижилхэн гэсэн үг. Би хэргийн үеэр тэнд байсан ч, яаж ч чадаагүй. Тэгээд л тэр. Ослын талаар юу ч санахгүй байгаа. Харин дараа нь Кашима, Рүридо хоёрыг яагаад ч юм эмнэлэгт хүргэснийг санаж байна. Би тэднийг эргэх гэсэн боловч захирал тэдэнтэй ярилцаж байсан учраас намайг оруулаагүй.
Гэтэл эгээ л энэ талаар ярихаасаа ичиж байгаа мэт түүний духан дээгүүр хөлс дааварлаж эхэллээ. Үүнийг хараад би бүр цааш нь шалгаамаар санагдав.
-Надад баталгаагүй ч гэсэн нэг таамаг байгаа юм л даа. Чи ч гэсэн захидал авсан уу?
-Аа тэр үү? Минийх нөгөө хоёрынх шиг тийм айхтар юм биш байсан л даа. Харьцангуй гэм хоргүй гэж болно. Кашима, Рүридо нарыг оролцуулаад нэлээн хэдэн хүүхэд тийм захиа өдөр бүр авч байсан. Тэвчээр барагдмаар байгаа биз? Миний захианд зүгээр л дунд сургуульд байхдаа шохоорхдог байсан хүүхэдтэйгээ хамт харьдаг байсан тухай, эсвэл аль эрт үхсэн тэжээвэр муурны минь талаар гэх зэрэг тиймэрхүү л юм бичсэн байсан. Анхандаа захианууд надад ямар ч хэрэггүй юм шиг санагдаж байсан ч, яваандаа бараг дуртай болж эхэлсэн гэж болно. Миний ор тас мартах шахсан зүйлсийн талаар надад сануулж байсан юм. Захидал илгээсэн хүн тэр талаар мэдэж байгаа нь жаахан айдас хүрэм байсан ч, үнэнийг хэлэхэд надад тийм ч их нөлөө үзүүлээгүй л дээ.
-Захианд бичсэн зүйлээс болж чамд гэмших сэтгэл төрж байсан уу?
-Бүү мэд. Тэгсэн ч байж магадгүй. Гэхдээ юу гэж нэрлэхээ мэдээгүй байх.
-Юмыг яаж мэдэх вэ гэсэндээ асууж байгаа юм шүү. Захидлыг хэн илгээснийг, эсвэл хэн илгээсэн байж болохыг чи мэдэх үү?
-Мэдэхгүй. Гэхдээ одоо энэ бүхнийг жирийн нэг тохиолдол гэх аргагүй болоо биз дээ? Сүнс, шидэт дагина мэтийн зүйл байдаг гэж бодвол тэр бүхнийг мэддэг ...ямар нэг зүйл байгаа нь гарцаагүй.
Тэр өөрийн бодлыг утга төгс илэрхийлж чадсангүй ч, би сэдвээ өөрчиллөө.
-Чиний бодлоор юу болсон байж таарах вэ?
-Би юу гэж бодохоо ч мэдэхгүй байна. Хачин гэдэг нь гарцаагүй боловч манай анги анхнаасаа л хачин байсан. Ямар нэг үйлийн үр ч юм бил үү? Кокуто, чи 10г ангийн талаар сайн мэдэхгүй байж магадгүй. Тэд бүгд ахлах ангидаа шилжиж ирсэн хүүхдүүд байгаа юм. Эцэг эх нь тэдний ихэнхийг асуудалтай гэж үзсэн учраас энд хаяж орхисон юм. Мэдээж бас намайг оролцуулаад шүү дээ.
Би хүртэл Конно Фүмиогийн энд байгаагийн учрыг мэддэг байв. Тэр сагсан бөмбөгийн шилдэг тоглогч байсан ч, аав нь түүнд гэр бүлийн ажил хэргээ өвлүүлэхийг хүсчээ. Харин Конно эсэргүүцсэн байна. Чингээд аав нь түүнийг сайтар хүмүүжүүлэхийн тулд Рейн сургуульд хүчээр оруулсан аж. Гэвч тэдний ангийн бусад хүүхдүүд ч бас иймэрхүү хувь тохиолтой гэдгийг би мэдээгүй байсан юм.
-Хаяама-сан дотуур байранд гал тавьсан талаар чи юу мэдэх вэ? гэж би асуулаа. Энэ миний хамгийн чухал асуулт байв. Гэлэнмаа нар тэр талаар ярьсан хүнд сургуулиас хөөх арга хэмжээ авна гэсэн тул охидын ам бөх гэгч үдээтэй байсан юм. Харин Конно Фүмиогийн надад үзүүлж буй итгэл ямар нэгэн шинэ зүйл рүү хөтөлж мэдэх юм шиг санагдаж байлаа. Гэвч миний асуултыг сонсоод түүний царай зовуурьтай болж, надаас нүүр буруулав.
-Дотуур байранд гал тавьж байхдаа тэрний юу бодож байсныг мэдэх юм алга. Хаяама Хидэо тун тогтворгүй хүн. Ангийн хаалттай хаалганы цаана тэр зогсоо зайгүй гомдоллодог байсан. Ах нь түүнд яагаад зөвшөөрдөггүй... гэснээ тэр түр азнаж, шүлсээ залгиад:
-Захирлыг хараал идэг. Мэдэхгүй юм. Чи надад итгэхгүй ч байж магадгүй. Гэхдээ миний мэдэхийн тэр багш байж таарахгүй хүн гээд түүний хоолой сааралтан:
-Каори хүртэл тэрнээс л болж амиа алдсан. Бүх юм түүний ах ажилгүй тэнэгийг өрөвдөж хариуцлагатай ажил даалгаснаас болсон. Манай анги... бид хамаагүй. Бидний буруу биш гэж чангаар хэлэхэд давтлагын танхим тэр аяараа цуурайтаж, хоосон байгааг нь санахаасаа өмнө би хэсэг зуур алмайрч орхив. Би хүн байхгүй гэдэгт итгэлтэй болохын тулд номын тавиурын хажуугаар толгойгоо цухуйлгаж хараад Конно Фүмио руу бушуухан дахин эргэлээ. Хэдхэн хувийн өмнө цовоо цолгин, итгэлтэй байсан Конно Фүмио нулимсаа барьж ядан, надаас нүүрээ нуун буруулж байв. Би түүний сүүлд хэлсэн аймшигтай үгийн талаар цааш төнхмөөр байсан ч ийм байдалтай байхад нь юу ч сонсож чадахгүйгээ ойлгов. Ядаж л одоо биш.
-Намайг уучлаарай Конно-сан гэж би эв хавгүйхэн дуугараад:
-Үнэхээр уучлаарай. Ингэж хэллээ гээд чамайг тайвшруулж чадах бол чи надад маш том тус хүргэлээ. Одоохондоо ингээд орхиё, за юу. Би чамайг хүргээд өгөх үү? гэж асуухад Конно:
-Хэрэггүй гэж яаран хариулав. Тэр гараараа амаа дарсан тул хоолой нь бүдэг сонсогдож байв.
-Намайг хэсэг зуур ингээд орхичих.
Би эргэлзэнгүйгээр эргэж, номын тавиур дундуур сэтгэл зовнин алхлаа. Гэвч булангаар эргэхээсээ өмнө би дахин нэг асуулт тавив.
-Чи шидэт дагина байдагт итгэдэг үү?
Би дээрхийг тун ч ажиггүй янзаар асууж орхисондоо харамсаж байтал Конно над руу гайхсан янзтай харав.
-Итгэдэггүй. Гэхдээ тэглээ гээд байдаггүй гэсэн үг биш биз дээ? Юу вэ гэхээр, манай ангийнхны дурсамж үгүй болоод байгааг өөрөөр яаж тайлбарлах вэ дээ.
Би зөвшөөрөн санаа алдаад түүнийг орхиж, давтлагын танхимаас гарлаа.

Конно Фүмиогоос салсныхаа дараа би 10г-н хэдэн сурагчтай хонгилд таараад хэдэн үг сольсон ч, миний бодсон ёсоор хариулт өмнөхтэйгээ яг ижил байлаа. Тэд бүр ямар нэг зүйл хүлээж буй аятай гадаад ертөнцтэй аль болох харилцахгүйн тулд өрөөндөө нуугдах болсон мэт хонгилоор явах нь эрс багасчээ. Надтай тааралдсан 10г-н хэдэн сурагч бүгд гэртээ харих ганц хүсэлтэй байсны зэрэгцээ урам хугарсан янзаар шивнэлдэж, яагаад харихгүй байгаа талаар нь асуухад намайг гайхаж будилсан харцаар ширтэж байв.
Ангийн дарга болохынхоо хувьд үүрэг хариуцлагандаа дарагдаж, цээжин дэх хүнд чулуугаа хөнгөлөхийг хүссэн Конно Фүмиогоос өөр хэнтэй ч ярилцаж чадахгүйгээ би мэдэж байлаа. Миний ойлгосон ганц зүйл гэвэл тэд бүгд шидэт дагина ой дурсамжийг нь хулгайлдаг гэсэн ярианд гарцаагүй итгэж байгаа явдал байв. Бас тэд бүгдээрээ нууцлаг захиаг хүлээн авсан ба бүгдийнх нь дурсамж Курогири-сантай адил байхгүй болсон байлаа.
Энэ бүхнээс би 10г-н охид бүгд ямар нэг зүйл нуугаад байна гэсэн дүгнэлт хийв. Юу гэдгийг нь хараахан хэлж мэдэхгүй байгаа ч, Хаяама Хидэо хамгийн гол учиг гэдэгт би бараг л бат итгэж байлаа.

Би өөр сонголтгүй болж багш нарын өрөөг зүглэв. Хаяама Хидэо түймрийн дараа 11-р сард сургуулийг орхисон байж болох ч бичиг цаасан дунд нь ямар нэг юм байж магадгүй гэж би горьдож байлаа.
-Орж болох уу? гэж би тухайлж хандсан хүнгүй шивнээд багш нарын өрөөний үүдийг нээвэл хоосон байв. Багш нар өглөөний хурлаас өөрөөр өрөөг бараг ашигладаггүй, дээрээс нь жижүүр ч бас амарсан тул хоосон байгааг нь би мэдэж байсан юм.
-Бурхандаа талархлаа гэж би өөрийнхаа азанд бас үнэхээр бурханд талархсандаа инээмсэглэн шивнэв.
Түрүү жилийн 11-р сарын хавтаснуудыг олох гэж тэгтэл их хугацаа зарцуулсангүй. Би бичиг цаас руу шумбан орж, яаралгүйхэн шалгаж эхэллээ. Өрөөний гэрлийг асаагаагүй тул зөвхөн цонхны завсраар шагайх нарны туяан дор бичиг цаас, хавтаснуудыг онгичсоор нэг л мэдэхэд бүтэн цаг өнгөрчээ. Гэвч ихээхэн найдлага тээж байсныг үл харгалзан би мөрдлөгөнд минь нэмэр болохуйц нэг ч зүйл олж чадсангүй.
-Новш гэж. Сэжүүр олохын тулд Шикигээр сургуулийн булан тохой бүрийг нэгжүүлэх хэрэг заавал гарах нь ээ дээ.
Тэрнийг дуулгавартай мөрч нохой аятай намайг сүүл шиг дагаж явахыг би үнэндээ хүсэхгүй байгаа ч, өөр арга байхгүй бололтой. Хийх юм үлдсэнгүй тул би түрүүчийнхээсээ арай замбараагүй болсон хавтсыг хаалаа. Гэтэл нэг цаас миний анхаарлыг татав. “Хаяама Хидэо 1989 оноос 1998 оны 12-р сар хүртэл ажилласан” Эхлээд харахад жир бус юм үгүй мэт байлаа. Гэвч гүйлгэж унших үед зарим тохиолдолд тун хачин зүйлийг олж үздэг ажээ. 1998 оны 12-р сар ий? Түймэр 11-р сарын эхээр тохиосон ба түүнээс хойш Хаяама Хидэо үзэгдэх нь бүү хэл түүний талаар сураг чимээ ч дуулдаагүй тул ийм байх боломжгүй санагдав. Гэвч үүнээс харахад тэр 12-р сар хүртэл энд ажиллаж байжээ. Бас доод талд нь тойрох хуудсан дээр “хаяг тодорхойгүй” гэж бичсэн байв. Тэр алга болсон гэсэн үг үү?
Ийм бодол толгойд харван орж ирмэгц би хавтсыг байранд нь буцааж тавиад багш нарын өрөөнөөс хурдхан гарахаар хонгил руу харайлгатал таарна гэж огт бодоогүй, бас тааралдахыг огт хүсээгүй хүнтэйгээ тулах нь тэр.
-Кокуто-сан, багш нарын өрөөнд ийм эрт ямар хэргээр ирээ вэ?
-Өг... Өглөөний мэнд, Курогири-сан гэж би түргэхэн бөхийгөөд:
-Үнэндээ бол үд болчихсон байна л даа гэж хэлэв. Би асуултаас бултах гэж оролдохынхоо хажуугаар яарснаа мэдэгдэлгүйгээр түүнээс холдон явахыг хичээж байв. Би түүний дэргэд байхдаа үргэлж эвгүйрхдэг боловч өчигдөр Шикитэй хамт байсан учраас хавьгүй дээр байсан юм. Гэвч хоёулхнаа байхад мөн л урьдынхаараа тавгүйцэж байлаа. Миний цээж бачуурч, зүрх түг түг цохилов. Тэр Микияатай адилхан харагддагаас уу, эсвэл түүний бачимдмаар тайван дөлгөөн янз байдлаас болж эвгүйцдэг юм уу гэдгээ би хэлж мэдэхгүй болжээ.
-Та багш нарын өрөөнөөс ямар нэг зүйл авах гээ юу? гэсэн миний асуулт тоомжиргүй байсныг үл хайхран тэр:
-Тийм. Захирал нэг зүйл даалгасан юм. Франц хэлний шалгалтанд тэнцэгсдийн нэрсийг авах гээд. Захирал Франц дахь гэлэнмаа нарын сургалтын төвд илгээх гэж байгаа юм хэмээн хариулав.
-Аан, тийм байх нь ээ? гэж би болхидуухан түгдчээд яриагаа дуусгавар болгон түүний хажуугаар эвтэйхэн зөрөхийг оролдов.
-Тийм ээ. Чамд хамаагүй асуудал ч бас биш шүү. Францын гэлэнмаа нарын сургуулийн солилцооны сурагчдад Ожи та хоёрыг нэр дэвшүүлээд байгаа юм.
Би түүнийг тойрч амжилгүй зогтусав. Солилцоогоор явж магадгүй талаараа анх удаагаа дуулж байгаа минь энэ байсан тул би баярласандаа болоод хэсэг азнасан ч, цаашлан алхлаа. Гэхдээ түүний дэргэдүүр зөрөх үедээ дахин зогсож, сурагчдаас асуусан ч, түүнээс асууж амжаагүй зүйлээ асуув.
-Курогири-сан, та сүүлийн үед сурагчдын дунд дэлгэрээд байгаа яриаг сонссон уу?
-Шидэт дагина уу? Тийм ээ, би дуулсан юм байна.
-Та итгэж байна уу? гэчихээд би түргэхэн шиг:
-Гэхдээ мэдээж би итгэдэггүй л дээ гэж нэмлээ. Гэтэл тэр инээвхийлсэн нь тун ч санаанд оромгүй явдал болов.
-Эргэлзэж байгааг чинь ойлгож байна. Шидэт амьтдын тухай үлгэр домог Японд манай улсад байдаг шиг элбэг биш байх л даа. Үнэндээ би эртний Шотландын кайт сит, ку сит мэтийн зөгнөлт амьтдын үлгэрт дуртай шүү.
Би түүний хариултыг сонсоод хэсэг зуур толгой эргэсэн ч, нэлээд хэдэн хормын дараа Курогири-санг гадаад хүн болохыг саналаа. Тэр их сургуульд домог, хууч яриа мэтийн нууцлаг зүйлс судалдаг байсан бол асуулт минь түүнд миний бодсон шиг тийм ч хүүхдийн гэнэн санагдаагүй байж болох юм.
-Би зөв санаж байгаа бол кайт сит гэдэг чинь гуталт муур байх аа?
-Аха, чи мэддэг юм бий. Гэхдээ Японы нэлээд олон хууч ярианд ярьдаг муурын тухай өгүүлдэг болохоор хаанаас гаралтайг нь тодорхойлоход амаргүй л дээ.
Хаха, тэр ч бас мөрдөж мөшгиж чаддаг юм байна гээч.
-Танай оронд ийм үлгэр домгийн амьтдыг жинхэнэ гэж итгэдэг юм уу? Эсвэл ердөө л үлгэр, гаж үзэгдэл төдийхнөөр тооцдог уу?
-Ойрын үед тиймэрхүү юм олж дуулаагүй л дээ. Гэхдээ хүүхдүүдийн сүнсийг сольдог талаар хачин домог яригдсаар байдаг юм. Гэвч өдөр ирэх тусам тариачдад сайн санаат үлгэрийн амьтад тусласан гэсэн түүх яриа сонсогдох нь цөөрсөөр байгаа гээд тэр хоолойгоо засч:
-Жишээ нь буг, тогшигчид мэтийн талаар өгүүлэх хуучны домгуудыг ариусган зайлуулах үйл хийдэг хүмүүс зохион бий болгосон. Тэд хэрмэл бадарчин шиг амьдардаг учраас хүмүүстэй нөхөрсөг харьцаа тогтоох үүднээс ургац хураалт мэтийн ажилд тусламжийн гараа сунгадаг юм гэлээ.
-Сонирхолтой л амьдрал юм гэж би хэлэв.
-Тийм ээ. Гэхдээ нөгөө талаас хүүхэд хулгайлдаг тухай домог байна. Зарим хууч ярианд язгууртан сурвалжтангууд бурхны ивээлийг хүртсэн гэж бодсон хүүхдүүдийг хулгайлдаг талаар өгүүлдэг. Тэд хүүхдүүдийг хэтэрхий их хүссэнээсээ болоод тэднийг сольж орхидог юм.
-Хулгайлагдсан хүүхэд яадаг юм бэ? гэж намайг асуумагц Курогири-сан нүүр дүүрэн инээмсэглэв.
-Тэгтлээ зовох хэрэггүй дээ. Тэднийг буцаагаад гэрт нь аваачдаг. Юу гээч, сурвалжит айлууд тэднийг хулгайлдаг учраас сүмийн адис хүртээсэн жагсаалтыг үзээд л хүүхдийг амархан олж болно. Язгууртан ч бай үгүй ч бай бүгд л хүүхдээ нийгмийн дарамтанд оруулахгүйн тулд адис хүртээлгэдэг. Тиймээс хэрүүл маргааныг зохицуулахын тулд сүмд очиход л хангалттай байдаг юм даа.
Би санаа алдаж, инээмсэглэв. Тэр үргэлжлүүлэн:
-Гэвч бас үүнээс өөр, ямар ч тайлбар олддоггүй тохиолдол ч бас бий. Үнэхээр үлгэрийн амьтдад олзлогдсон хүүхдүүд байдаг. Үүнийг солио гэдэг юм.
-Тэгвэл та итгэдэг гэсэн үг үү?
-Тийм ээ, итгэдэг гэж тэр огтхон ч эргэлзэлгүй хэлээд:
-Би тэднийг байдаг гэж боддог. Гэхдээ би тэдэнд дуртай гэсэн үг биш шүү. Тэдний тоглоом шоглоом заримдаа хэрээс хэтэрч орхидог. Солио бол үүний тод жишээ. Тэд заримдаа хүүхэд хулгайлж авчихаад өчнөөн оон жил өнгөрсний дараа юу ч болоогүй мэт гэрийнх нь үүдэнд үлдээдэг. Эцэг эх нь хүүхдээ олоод хичнээн ч их баярласан, хүүхэд нь тасралтгүй өвдөж, яасан нь мэдэгдэхгүй аажмаар үхэхээс өөр замгүй болсныг мэдээд баяр хөөр нь унтран алга болдог юм. Эцэст нь хүүхдүүд эцэг эхдээ зүхэгдэн, ганцаар нөгөө ертөнц рүү оддог юм даа гэлээ.
Энэ миний хүүхэд байхдаа сонсож байсан шидэт үлгэр яагаад ч биш байлаа.
-Өө, уучлаарай гэж багш түргэхэн хэлээд:
-Би дахиад л хэтэрхий олон юм ярьчихсан бололтой гэв.
-Үгүй дээ гэж би сулхан бувтнаад:
-Надад тун их таалагдлаа багш аа. Гэхдээ уучлаарай, би одоо явалгүй... гээд би өгүүлбэрээ дуусгалгүй орхиж, хурдхан бөхийсөн болоод Курогири-сангаас аль болох холдохыг хичээн, яаран сандчин холдлоо.

Үд өнгөрчээ. Курогири-сангаас холдох гэснийхээ хажуугаар Шикитэй уулзахгүй байхыг юу юунаас илүүтэйгээр хүсч байсан тул би сургуулийн зүүн хэсэг рүү, шатсан дотуур байр руу явлаа. Би тэндээс ямар нэг хэрэгтэй зүйл олно гэж тэгтлээ найдаагүй ч мөрдлөг маань тийшээ хөтлөх нь улам бүр нэмэгдэж байсан тул Хаяама Хидэогийн шатаахыг хүссэн газарт ядаж ганц ч болов очих нь зүйтэй мэт санагдаж байв.
Дотуур байранд тулж ирээд би урилгагүй зочдыг буцаахын тулд эргэн тойрон олс татаж, “Орж болохгүй” гэсэн тэмдэг тавьсныг олж харав. Мэдээж энэ нь миний санааг өөрчилж хүчрэхгүй тул би олсыг давж, нүсэр том барилгыг чиглэн алхлаа. Байшингийн ихэнхи хэсэг шатаж, зүүн жигүүрийнх нь өрөөнүүд аварга том амьтанд дээврээсээ суурь хүртлээ самардуулчихсан аятай сарзайжээ. Өрөөнүүдийнх нь хана, шал нурж, шатаж харласан мод, цемент болон овоорсон байв. Гэтэл эсрэг зүгт бүх юм эсрэгээрээ байлаа. Барилгын баруун жигүүр, өрөөнүүдийн үүдний хонгил гээд л баруун хэсэг нь огт хөндөгдөөгүй байв.
Хонгилоор алхаж яваа хэн ч хаалттай хаалганы цаадхи зүүн жигүүр тэр чигтээ шатсан гэж огт сэжиглэхээргүй ажээ. Харин хаалгыг нээмэгц нүднээ шууд сургуулийн талбай, ойн мод тусч байв. Магадгүй барилгын жирийн мэт сэтгэгдэл төрүүлэх өчүүхэн хэсгийг хүндэтгэж энэ хаалгыг нээхгүй байсан нь дээр биз ээ.
Хаяама Хидэогийн нэр сүүлийн үед миний толгойд эргэлдэх нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа ч би түүнийг ганц л удаа харж байсан юм. Тэр 10в-ээс 10д ангиудад хичээл ордог байсан тул манай ангид ирэх шалтгаан үгүй байлаа. Нэг удаа өглөөний мөргөлийн үеэр тэр Библийн хуудсыг юу ч бодолгүй эргүүлж суусан юм. Тэрнийг би багаар бодоход 30 настай гэж багцаалдсан ба гоц гойд юмгүй, юу ч тааварлах аргагүй төрхтэй хүн байлаа.
-Би тэрний талаар өчүүхэн ч ойлголтгүй байж яаж мөрдөх болж байна аа?
Миний өөртэйгээ ярьж эхэлсэн нь магадгүй надад энд хийх зүйл байхгүй, явах хэрэгтэй гэсний дохио байж мэдэх юм. Би эль хуль бүүдгэр гэрэлтэй шатаар 2-р давхраас доошлон, бүрэн бүтэн хэвээр үлдсэн гарах хаалга руу зүглэлээ.
Гэвч үүдийг нэгэн танил хүн таглан, өдрийн наранд сүүдэр татуулан зогсож байх нь тэр. Хэдийгээр царай төрх нь ялгарч харагдахгүй байсан ч, би түүнийг ядаж цөхөлгүй танив. Учир нь Рейнд ийм намирсан хар үс, эрхэмсэг төрхтэй, сургуулийг цаагуураа атгасан хүн Ожи Мисаягаас өөр үгүй билээ. Тэр над руу үг дуугүйхэн ойртож, надад яагаад ч юм эхэлж дуугартал нь ам нээх хэрэггүй юм шиг санагдаад явчихав. Тэр чигээрээ явсаар надаас ердөө хоёр алдын зайд ирээд зогсож, нүүр рүү минь эгцлэн ширтэж, эелдэгээр инээмсэглэлээ.
-Хэлээч, Кокуто-сан. Хүчин чармайлтын чинь дүн гарч байх юм уу?
Түүнийг ингэж хэлмэгц хүйтэн салхи жиндүүлэх шиг болов. Би яагаад тэгж санагдсаны учрыг ч мэдсэнгүй, бас үнэхээр салхи дэгдсэн эсэхийг ч ялгасангүй. Гэвч өөрийн эрхгүй сэрэмжлэх сэтгэл төрөв. Түүний хоолой тун танил сонсогдож байлаа. Сүүлийн хэдэн сард ярилцахад дуулддаг байснаас ондоо, тун саяхан сонссон ч юм шиг. Бас яагаад ч юм ялаа дүнгэнэх шиг чимээ санаанд оров. Гэтэл дурсамж минь бодит байдал болон хувирч, би одоо сонстож байгаа шавж дуугарах чимээ, ой тойнд минь байгаа дүнгэнэх чимээ хоорондоо төстэй байгаад бүрэн итгэлээ.
Би юу болоод байгааг ойлгож, өчигдөр надад тохиолдсон зүйл давтагдах нь гэдгийг хожуу ч гэлээ ухаарав. Миний ой санамж дахин хулгайлагдаж, би алмайрч, дүйнгэтэн энд зогссоор үлдэнэ. Энэ удаад хичнээн удаан зогсохыг хэн хэлж мэдэх билээ? Би түргэн шившлэг хийх гэсэн ч, бээлийгээ авчраагүй байлаа. Гэвч надад өөр сонголт үлдсэнгүй. Миний дотор халуу шатаж эхэллээ. Тэгтлээ оройтоогүй ч байж мэднэ шүү дээ.
Би өмнөө зогсох Ожи Мисаяад анхаарлаа төвлөрүүлээд Шидээ давалгаалуулж, Шикигийн хэлсэн ёсоор эргэн тойрон дахь агаарын халуун урсгалыг мэдрэхийг оролдов.
Шид биежиж буй нь надад мэдрэгдэж, би өөрийн эрхгүй нүдээ аниад Шид надад агаар дахь ер бусын халуун орон зайг зааж өгнө гэж итгэв. Гэтэл...
-...Барьчихлаа.
Үл мэдэгдэх бүлээхэн зүйл миний цээжийг чиглэн ойртож явсан ч, би надад хүрэхээс нь өмнө нүцгэн гараараа барьж авч чаджээ. Ямар нэг зүйл миний гарт байгаа нь гарцаагүй бөгөөд нарийхан дуугаар байж ядан чарлах аж. Би түүний хашхирахыг үл тоон нүдээ нээж, Ожи Мисаяаг цоо ширтлээ.
-Хараач хөөе гэж тэр ийм зүйл болохыг мэдэж байсан янзаар хэлээд:
-Нэг ч удаа шидэт амьтан харж байгаагүй гэж хэлсэн мөртлөө нэгийг бариад авчихдаг байна шүү гэлээ. Түүний хоолойн өнгийг сонсоод миний эргэлзээ арилж, хайж байсан дайснаа олсон гэдэгтээ эргэлт буцалтгүй итгэв.
-Тийм бий вий. Ой санамж алга болсон нэг цагийн хугацаандаа би чамтай уулзсан байж.
-Тийм ээ, тэгсэн. Чи бүгдийг хөнгөвчлөөд өгчихлөө. Чамайг үнэн хэрэгтээ ямар хүн болохыг чинь ойлгож авахад миний хүүхдүүд их тус боллоо, Кокуто-сан гээд тэр гараа өргөж, мөрөн дээрээ байгаа үл үзэгдэх зүйлийг илбэхэд хариуд нь түрүүний нарийхан хоолой сонстов.
Дахиад нэг шидэт дагина уу? Арай ч дээ. Би шившлэгээ зөв шившсэн бол тэрний ойр орчмоос 50 орчим тооны эх үүсвэр бүхий ер бусын халуун мэдрэгдэж байлаа. Хэдийгээр шидэт дагинуудыг харж чадахгүй ч би түүний хүч ийм их байгаад өөрийн эрхгүй сүрдэж байв.
-Чи биеэ барихдаа тун сайн юм Кокуто-сан. Огтхон ч цочирдоогүй юм шиг харагдаж байна. Даанч худал гэдгийг нь би мэднэ. Гэхдээ би чиний талаар олж мэдсэн зүйлдээ маш их гайхаж байна. Сургууль дээр Шидээр хичээллэдэг хүн надаас өөр байж шүү дээ.
-Чи намайг огтхон ч гайхуулаагүй, Ожи-сан. Би энд шидэт дагинын дагуултай шидтэн байгааг анхнаас нь мэдэж байсан. Харин чи... Чи намайг ганцаар үлдэхийг хүлээж байгаад эмзэг байхыг минь далимдуулан замаасаа зайлуулах гэж байсан биз дээ? Магтууштай төлөвлөгөө юм. Гэхдээ өөрийгөө илчилдэг чинь алдаа боллоо доо.
Энд би зөвхөн тагнах үүрэгтэйгээс биш тулалдах ёсгүй гэдгээ өөртөө дахин сануулж, цаг хожихыг хичээх зуураа эргэн тойрноо шалган гарц хайж байлаа. Хэдийгээр би зодолдохоос буцдаггүй боловч бидэн шиг шидтэнгүүдийн дундах үхлийн халз тулаанд оролцохыг хүсэхгүй байв.
-Наад бодлоо авч хаясан нь дээр. Би чамайг устгая гэж огт бодоогүй Кокуто-сан. Чи надтай төрөл нэгтэй хэдхэн хүний нэг атал би яагаад тэгнэ гэж? Ийм нөхцөлд нэгнийхээ хоолойд хутга тулгаж байсны оронд ойлголцсон нь дээр биз дээ?
-Дагуулаараа над руу довтолсон хүний юу гэж байгааг сонсооч ээ.
-Хонгор минь, би ердөө л чиний талаар илүү ихийг мэдэх л гэсэн юм шүү дээ. Уг нь хоёулаа утга учиргүй үхлээс зайлсхийж, утга учиртай яриа өрнүүлбэл тун ч хэрэгтэй юмсан даа гэж тэр тайвнаар хэллээ. Тэр үнэнээсээ яриад байна уу?
Би зугтах ганц газар болсон ард минь байгаа хонгилын зүг хяламхийгээд аюулгүй мултрах боломж өгөх хүртэл нь түүнийг саатуулахаар шийдэв.
-Ярилцах аа? Надтай юу?
-Тэгэлгүй яах вэ. Чиний энэ эзэнгүй газар хүрч ирсэн нь чамайг таалахад хангалттай шалтгаан болж байгаа юм. Энэ газар бол...
-Тачибана Каоригийн амиа алдсан газар биз дээ?
Ожи сэтгэл ханасан янзтай толгой дохив. Гэвч харц нь өршөөлгүй, хорон, мөс шиг хүйтэн байлаа.
-11-р сарын түймрээс яагаад ч юм амьд гарч чадаагүй ганцхан сурагч. Чи тэрнийг таньдаг байсан уу, Ожи-сан?
Тэр миний асуултын хариу болгож дахин нэг удаа өршөөнгүйгээр толгой дохив.
-Би Каорид дүү шигээ л хайртай байсан. Түүний бүхий л амьдрал зовлон зүдгүүрээр дүүрэн байсан ч, бүхнийг чадагч бурханд итгэх итгэл нь хэлбэршгүй байсан юм. Тэр энд амиа алдаж, нүглээс чөлөөлөгдсөн. Гэсэн ч түүний амьдрал үзэсгэлэн төгс хэвээрээ. Тэр хэцүү замыг сонгон авсан юм.
Түүний хоолой гунигтай болж цааш орсон ч, хэлж буй үгэнд нь ямар ч өршөөл байсангүй.
-Ийм эмгэнэлтэй явдал тохиолдчихоод байхад охид ухаарахгүй байна. Тэд Каоригийн амь нас өргөл болж золиослогдсон гэдгийг мэдсээр байж нүглээ таягдахгүй байна. Энэ бол хүнээс гарах авир биш. 10г-н сурагчид бүгд нүгэлтнүүд. Нүгэлтнүүд миний сургуулийг гутаах эрхгүй. Тэдэн шиг хог новшнууд үнс нурам болтлоо шатаж байвал таарна.
-Байзаарай, чи Тачибана Каориг 10г ангийнхан алсан гэх гээд байна уу?
-Үгүй. Тэгвэл тэднийг дэндүү өндрөөр үнэлсэн болно. Кокуто-сан, Каори амиа егүүтгэсэн юм. Гэхдээ энэ нь ямар утгатайг чамайг ойлгоно гэж би бодохгүй байна.
Би тэрний хэлсэн үгийн утгыг бодож байх зуур түүний дээрэнгүй харц надаас хором ч холдсонгүй. Ямартай ч 10г ангийнхан Тачибана Каоригийн галд амиа алдсантай ямар нэг байдлаар холбоотой болохыг би ойлгож авав. Харин намайг ойлгохгүй гэсэн нь ямар учиртай юм бол?
-Тэгвэл энэ бүх явдал Тачибана Каоригийн үхлийн төлөөс болж таарч байна уу?
-Яг тийм. Намайг байсан цагт охид тамын галд тарчилсаар байх болно. Тэд Рейнд амар заяагаа огт үзэхгүй.
-Чи тэднийг алах нь уу? гэж би хариулт нь ойлгомжтойг мэдэж байсан ч арга мухардан асуув. Ожи Мисаяа дайснаа хүн гэж үздэггүй. Ердийн нэг аллага түүний хувьд хангалтгүй. Тэр тэднийг газрын хөрснөөс арчин хаях болно. Миний толгойд ийм бодол эргэлдэж байх зуур тэр гайхалтай нь толгой сэгсэрлээ.
-Яалаа гэж. Тэднийг хороолоо гээд тэд байх ёстой газар руугаа, там руугаа тонилно гэх баталгаа байхгүй шүү дээ. Тийм учраас л би чамайг ойлгохгүй гэж байгаа юм. Гэхдээ буруутгаагүй шүү. Биеэ суллаж, тайвшир, Кокуто-сан. Өнөөдөр би чамтай тулалдахыг хүсэхгүй байна гээд тэр мөрөн дээрхи үл үзэгдэх дагуулаа удаан, тайвнаар илбэж:
-Чи эднийг бодитоор харж чадахгүй ч, энэ жижигхэн амьтад хүний дурсамжаар дүүрэн. Чинийх ч бас бий. Гайхаж байна уу? Чиний дурсамж хүйтэн, үзэсгэлэн төгс гантиг чулуу боловч дотор нь халуун гал дүрэлзэж байдаг. Чи дагуул хардаггүй шиг би тэднийг харж чаддаггүй ч чиний дурсамж хичнээн цэвэр ариун болохыг би мэдэрсэн. Чи үнэхээр гайхалтай хүн шүү, Кокуто-сан гэлээ. Түүний зөөлөн инээмсэглэлтэйгээ хоршсон эелдэг яриаг сонсоод миний уур хилэн буцлав.
Чингээд би Ожи Мисаяа руу харлаа. Гэтэл Микияа Шики хоёрын хамт байгааг анх харах үед төрж байсан, 3 жилийн турш мэдрээгүй өөр нэгэн мэдрэмж өгсөөд ирэх нь тэр. Би өмнөө байгаа эмэгтэйг хамаг чадлаараа цохиод авахыг хүслээ.
Тэр миний хэлэх үгийг хүлээх боловч би түүний битүү сүрдүүлгийн хариуг өгч санаснаар нь хөдлөхгүйн тулд ам нээлгүй хэдэн хормын турш зогсов. Миний гэсэн бүхнийг хулгайлсантай дүйцэхүйцээр тэр намайг гутаан доромжилсон ба үүнийх нь хариуд би хамаг хүчээ шавхах ёстой байлаа. Би зугтах бодлоо толгойноосоо авч хаяад, эцсийг нь үзэхээр шийдэв. Мисаяа хөнгөхөн сүүрс алдлаа.
-Сонголтоо хийчих шив. Чиний талаар илүү ихийг мэдэх гэж догдлон хүлээж байсан юмсан. Үнэхээр хэлэлцээр хийхийг хүсэхгүй байна гэж үү, Ко...
-Огтхон ч үгүй гэж би түүний үгийг бушуухан шиг таслав. Мисаяа инээд алдлаа.
-Тийм үү? Харамсалтай юм. Би чамайг садан төрлийн адилаар бодож байсан юмсан. Бидэнд төстэй зүйл ч их бий. Жишээ нь ахыгаа хүсэмжлэх сэтгэл ч юм уу.
-Юу уу?
Би үгээ гүйцээх гэж чадлаараа тэмцсэн ч, чадсангүй. Миний хоолой тэр дорхиноо аргаж, үүнтэй зэрэгцэн нүүр минь улайсныг би мэдэж байлаа. Харин Ожи Мисаяа үнэхээр баясан зугаацаж байгаа янзтай нүдээ аньжээ.
-Өчигдөр чи өөрийнхөө амаар тэгж хэлсэн. Гэхдээ санахгүй байгаа байх л даа. Би ахын чинь талаар, бас шидтэн болох гэж байгааг чинь ч мэднэ. Харав уу? Бидний явах чиглэл ижил. Гэхдээ чи Шидээр хичээллээд хагас жил болж байгаа бол би саяхнаас эхэлсэн л дээ.
Шид. Энэ хүчирхэг үг намайг хүнд цохилтонд оруулж, үүсээд буй нөхцөл байдлыг дүгнэж цэгнэхээс өөр аргагүй болгов. Би өөр нэг шидтэнтэй тулгарсан бөгөөд ийм ердийн биш халз тулаан нүд ирмэхийн зуур өрнөж үхэл амьдралыг шийддэг билээ. Мисаяа үргэлжлүүлэн:
-Каориг өнгөрсний дараа би Шидтэнгүүд шиг гэгээрэлд хүрэхийн тулд биш өөрийн зорилгын төлөө шидэт амьтнаар дагуул бүтээхийг, Шидээр дурсамж хулгайлахыг сурсан юм. Би Каоригийн төлөө түүний ичгүүр гутамшгийг ул мөргүй алга болгохын тулд түүнтэй хамаатай дурсамжуудыг цуглуулж эхэлсэн. Надад өөр бусад зүйл огт хамаагүй. Би юу ч устгаагүй, хэний ч амийг хөнөөгөөгүй. Тэгсэн ч гэсэн энэ амиа хичээсэн зорилго уу, Кокуто-сан?
-Миний шүүх хэрэг биш гэж би бодож байна. Гэхдээ чи 10г-н сурагчдад халдаж, багшид төвөг удсан нь үнэн. Харин яагаад Курогири-санг оролцуулсныг чинь ойлгохгүй юм.
Намайг багшийн нэрийг хэлмэгц Мисаяагийн хөмсөг таталдахыг би анзаарав. Тэр Курогири-сан Тачибана Каориг өнгөрч, Хаяама Хидэо алга болсны дараа тэдний ангийн багш болсныг мэдэж байх учиртай. Курогири-сан осолтой хамаагүй. Гэтэл яагаад түүний дурсамжийг ч бас хулгайлах хэрэгтэй байсан юм бол?
-Багшийн дурсамжийг авсан нь арай хэтэрсэн юм шиг санагдаж байна гээд би хэлээд тавьчихав. Би түүний төлөвлөгөөгөөнд алдаа гарч гэж бодож байсан боловч миний хүлээж байснаас эсрэгээрээ тэр хөмсгөө буулган, төвөгшөөж бас баяссан янзтай шуухитнав.
-Үгүй шүү, хэтрээгүй. Энэ бүхэн түүнд хамаагүй, бас тэр үнэнийг мэдэхгүй.
-Яагаад?
Ожи Мисаяа хажуу тийшээ харахад үс нь зөөлнөөр намирлаа.
-Яагаад гэвэл бидний судсаар ижилхэн цус гүйж байгаа юм. Тэр миний төрсөн ах.
-Төрсөн ах гэнэ ээ? Тэр үү? гэж би итгэж ядан дуу алдлаа. Ердөө л тохиолдол байж болох ч гэлээ огт боломжгүй зүйл биш болохыг би ойлгож байв. Ожигийн гэр бүл охидоо өргөж авдаг тул Мисаяагийн хуучин нэрийг үнэхээр Курогири Мисаяа гэдэг байсан байж болох юм. Мисаяа миний гайхан цочирдсонд тэгтэл дургүйцсэнгүй бололтой тайлбарлаж эхлэв.
-Анхандаа би мэдээгүй л дээ. Каориг өнгөрсний дараа би 10г ангийг тэр чигт нь сэжиглэж, аргаа барсандаа шинэ багшид нь хандсан юм. Би ганцаараа яаж ч чадахгүй байсан учраас түүнтэй ярилцаж, хэргийн учрыг олоход туслахыг гуйсан. Курогири-сан үнэхээр эелдэг байсан. Тиймээс тэр эелдэг хүнийг илүү их таньж мэдэхийн тулд би дурсамжийг нь хулгайлсан юм. Ингэсэн нь ч зөвдөж, зүүднээс нь би өөрийгөө түүний дүү болохоо олж мэдсэн. Гэтэл тэр яагаад ч юм Каоригийн үхлийн цаадхи зарим нэг зүйлийг мэдэж байсан учраас харамсалтай хэдий ч би түүнийг дуугүй болгох шаардлагатай болсон юм даа.
Тэр харцаа доошлуулаад яриагаа үргэлжлүүлэв.
-Намайг юу ч мэдэхгүй жаахан хүүхэд байхад ах маань надад өөд болоочдоос илүү амьд хүмүүсийг хайрлах хэрэгтэй гэж хэлж байсан юм. Гэвч Каориг үхэл рүү түлхсэн хүмүүс энх тунх, амьд байсаар байхад би яаж тэгэх болж байна аа? Би ахынхаа дээр үед хэлж байсан үгийг санасан учраас энэ бүхнээс болж ахыгаа шаналахыг харж сууж тэвчээгүй. Тиймээс би тэр ослын тухай ой санамжийг нь, бас түүний дүү гэдгээ нотлох дурсамжийг авчихсан юм. Нэгийг ч үлдээгээгүй. Сацүки санаа зовох зүйлгүй амьдарч, намайг харамсах зүйлгүйгээр хайрлана. Тийм болохоор одоо надад буцах зам гэж үгүй болсон.
Би түүний үйлдэл хичнээн чухал байсныг мэдээд үг ч дуугарч чадсангүй. Тэр надтай төстэй гэж хэлсэн нь үнэн ч байж мэднэ. Гэвч түүнийг харахад, түүнийг сонсоход бид ердөө өнгөн талдаа л адил байгааг би ойлгож байв. Бидний хүсэл төстэй байж болох ч утга учир нь тэс ондоо байлаа.
-Гэхдээ чи хэргээ гүйцээчихсэн биз дээ? Чи түүний дурсамжийг 10г ангийнхны нууцыг хадгалахын тулд авсан. Харин намайг яах гэж байна даа?
-Энэ шийдвэрийг удахгүй чи өөрөө гаргах болно. Би чамд өөрсдийнхөө нийтлэг талыг ойлгуулсан Кокуто-сан. Бас чиний надтай санал нийлэхгүй байгааг ч мэдэж байна. Гэхдээ цаг нь ирэх үед би чиний хамгийн их хүсдэг зүйлийг өгч чадна гээд Мисаяа үнэн сэтгэлээсээ эвлэрэхийг санал болгон гараа сунгав. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч буй дайсныхаа сунгасан гар руу харлаа.
-Би бодож үзье. Гэхдээ нэг нөхцөл байна. Миний аль эрт... гэж би тэрний хүч чадлыг дэнслэх зуураа худал хэлэв. Гэтэл толгойд минь нэг санаа харван орж ирэх нь тэр. Хэрэв тэр үнэхээр хэлсэн шигээ зүйлийг хийж чаддаг юм бол...
-...мартагдсан дурсамжийг сануулж өгөх юм бол шүү дээ.
...түүний Шид минийх болж болох юм.
-Мартагдсан дурсамж гэнэ ээ? хэмээн тэр баясгалантай дуугарав.
-Надад чам шиг хайрладаг ах бий. Гэвч би түүнд анх дурласан мөчөө мартчихсан юм. Тэр дурсамжийг минь надад эргэн сануулбал...
-Болохгүй гэж айж байна. Чи өөрөө мартсан бол дурсамж биш болсон гэсэн үг. Ердөө л нэг бичлэг төдий. Харин дагуулууд маань зөвхөн дурсамжийг л сэргээдэг.
Миний урам хугарч, санаа алдлаа. Гэхдээ ямар нэг байдлаар дотор минь уужирчээ.
-Тэгвэл хоёулаа тохиролцоо хийх аргагүй бололтой гэж хэлэх зуураа би дараа нь юу болохыг мэдэж байсан тул биеэ чангалав. Бидний хооронд хоёрхон том алхмын зай байлаа. Хэрэв хүсвэл би түүний нүүр рүү өшиглөж болохоор зайнд ойртож чадах байв. Мисаяа ч бас урагшилж хүндийн төвөө өөрчлөв.
-Кокуто-сан, дагуулуудыг ямар нэг зүйлээс дээж авч хийдэг гэдгийг мэднэ биз дээ?
Би тэр зэргийн зүйлийг мэдэлгүй яах вэ. Тэр намайг түүхийгээрээ амьтан гэж бодсон юм байх даа?
-Тэгвэл гартаа барьж буй зүйлийг чинь ч бас ямар нэг юмаар хийсэн гэдгийг мэдэх байлгүй дээ гээд тэр мушийн инээмсэглэв.
Би энэ бүх хугацааны турш гарт минь байсан зүйл рүү хяламхийлээ. Гэтэл өмнө нь харагдахгүй байсан зүйл одоо тодхон харагдаж байх нь тэр. Шидэт дагина миний бодсоноос тэс өөр байв. Миний гарт өмнө нь ганц л удаа харж байсан хүн буюу бяцхан Хаяама Хидэо байж байх нь тэр. Би цочин дуу алдаад, өөрийн мэдэлгүй гараа тавьж орхив.
Миний арчаагаа алдсан энэхэн агшинд Ожи Мисаяа урагш хөдөллөө. Тэр гараа сунган духанд минь хүрэхийг би дөнгөж харж амжаад, цусаа юүлсэн хүн шиг ухаангүй болов.


Last edited by zolushka_717 on Jul.08.17 10:33 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.08.17 11:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Аа муухай юм бээ дурсамжийг нь хэн нэгэн хүн мэдээд эргэн сануулаад бна гэхээр. Хүнд чинь эвгүй, хэнд ч мэдэгдэхийг хүсдэггүй дурсамж бдаг шд.

Баярлалаа :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.09.17 12:35 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Ямар ч байсан япон охид намхан байдаг юм байна


Top
   
PostPosted: Jul.09.17 11:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Хаха харин тийм. Би бас энэ хэсгийг уншиж бхдаа хөөе би чинь дундаж өндөртэйд орох юм бна гэж бодов.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.18.17 2:55 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Золушка наадмын зугаалганаасаа ирсэн үү ккк

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.25.17 1:58 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
3.

-Дурсамж хүний толгойд зураг шиг тодхон бууж үлддэг юм бол хүмүүс яагаад мартдаг юм бэ? гэж тэр асуулаа.
-Мартана гэдэг байгалийн жам гэж би хариулав.
-Тэд бол санаанд орохгүй байгаа зүйлс. Дурсамж могойн арьс шиг гуужин алга болдог ч би ондоо. Би юу ч алддаггүй гэж түүнийг хэлэхэд би:
-Гэхдээ санаанд орохгүй байна гэдэг чинь мартсан гэсэн үг хэмээн эсэргүүцэв.
-Мартах бол нөхөн төлжих үйл явц болохоос алга болж байгаа хэрэг биш. Дурсамж нэг нэгийгээ нөхөж байдаг. Хайран биш гэж үү? Хагдарч, зэвэрдэг мөнхийн оршихуй. Ийм мөнхийн оршихуй хүний хүслээс хамаарч үгүй болдог юм гэж тэр хэлэв. Би хариулсангүй.
-Мөнхийн хугацаа хайр найргүй учраас гашуудал харамсал дахин сэргэж эзэндээ буцаж очих учиртай юм. Хоосрол руу замхран алга болсон гэж бодож болох ч, дурсамж бичлэг шиг давтагдаж байдаг.
-Аль нь мөнх аль нь биш гэдгийг хэн шийддэг юм бэ? гэж би асуув.
-Хэн ч үүнийг мэдэхгүй. Тийм учраас л бид хайж байгаа юм гэж тэр хариулав.
Тэр бол тодорхойлж, ойлгож боломгүй үзэл бодолтой, өнгөрснөөс хариулт өгдөг, бусдын яахаас ч буцахгүй бодол санааг цуглуулагч билээ.

Хаалга тогших чимээнээр би сэрэв. Сэрсэн даруйдаа цонх руу харсан ч, нарны туяа үнс шиг сааралтан бүүдийх тул өдөр, өглөөний алин болж байгааг ялгах арга байсангүй. Чингээд ширээн дээрхи цаг руу хяламхийвэл таамаг минь батлагдаж, хэдийн үд өнгөрсөн байх нь тэр. Гэтэл хаалганы цаанаас:
-Кокуто-сан, наанаа байна уу? гэх хоолой дуулдав. Үүнтэй зэрэгцэн толгой минь янгинаж, би өөрийн эрхгүй өвдсөндөө болж чамархайн дээрээ дарлаа. Хэтэрхий их унтахаар ингэдэг юм. Гэсэн ч би өвдөлтөө анхаарахгүйг хичээх зуураа дээд талын орноос бууж, хаалга нээлээ. Үүдэнд гэлэнмаа нарын нэг зогсож байв. Намайг дээрээс доош гүйлгэн харснаа төөрөлдсөн янз төрх царайн дээр нь илэрлээ. Би гэнэт байр байдалдаа анхаарал хандуулах ёстойгоо санаж:
-Аа тийм. Сайн байна уу? Намайг Риоги Шики гэдэг гэж дуртай дургүй дуугараад:
-Би дараагийн улирлаар энд шилжиж ирэх гэж байгаа юм гэлээ.
-Аан, зөв зөв гэж гэлэнмаа хэлэв. Түүний сэжиглэнгүй төрх яльгүй зөөлөрсөн ч бүрэн алга болсонгүй.
-Кокуто-сангийн гэрээс залгасан юм.
Гэрээс нь ганц удаа залгаж байхад тэр ойрхон байсангүй шүү. Яалтай ч билээ.
-Тэр байхгүй юм чинь би өмнөөс нь ярьчих уу? гэж би асуугаад үргэлжлүүлэн:
-Би тэднийхэнтэй дотно байдаг юм л даа гэлээ. Гэхдээ оргож боссон хүүгээ гэр бүлийн гишүүнээ гэж тооцдог бол шүү дээ.
-Тийм бол болохгүй юм алга. Би дуудлагыг хүлээлгийн танхимын утас руу шилжүүлчихье. Тэгэхээр түргэлсэн нь дээр байх гэж хэлээд гэлэнмаа бөхийн ёслоод яаран явж одов. Би өрөөнөөс гарах гэснээ Азакагийн хэлхэгнэсэн унтлагын хувцсыг өмссөн байгаагаа санаад, явдал дундаа хувцсаа тайлж, түүний дүрэмт хувцасны нэгийг углаад дотуур байрны үүдэн дэх хүлээлгийн танхим руу шаламгайлан харайлгалаа.
Өчигдөр би хүлээлгийн танхимд гадагш залгах боломжгүй, нэг ч товчлуургүй утас харсан юм. Утас гоёмсог буйдангийн хажууд тавиатай байлаа. Азакагийн хэлснээр бол гаднаас ирэх дуудлага бүр гэлэнмаа нарын өрөө рүү холбогдоно. Тэд дуудлагыг шалгаж, сурагчдын гэр бүлийнхэн биш бол салгадаг бөгөөд шаардлагад нийцсэн дуудлагыг сурагчид тусдаа ярьж болох хүлээлгийн танхим руу шилжүүлдэг аж.
Би хүлээлгийн танхим руу явах замдаа хэн залгасныг таамаглаж байсан ба харилцуурыг авах үед бодсон минь батлагдав.
-Байна уу?
-Байна уу? Азака юу?
Надад эчнээ танил болсон Микияагийн хоолой. Би дуугарахаасаа өмнө танхимд хэн ч байхгүйг батлахын тулд нэг тойруулж хараад:
-Энэ удаад Азака биш байна. Тэр алга. Он гараад ердөө 5 хонож байхад дүүгээ санаад үхэх нь үү? гэж би өөрт минь хүртэл хүйтэн санагдах өнгөөр хэлэв.
-Шики юу? Азака хаачаа вэ?
-Бүү мэд. Алга байна гэж би хэлээ биз дээ? Хийх юм байсан юм байлгүй. Өнөө өглөө намайг сэрээх гэж хамаг чадлаа барснаас авахуулаад чөтгөрт хөөгдсөн юм шиг л яараад байсан. Тэр асуудлыг аль болох түргэн цэгцэлчихээд бушуухан харих гэж яарч байгаа байх.
-Тийм үү? Гэхдээ тэр гэртээ байхдаа тийм ч дуртай биш дээ. Тийм болохоор наанаа үлдсэн нь дээр гэж би түүнд хэлдэг юм.
-Энд байх нь дээр байлаа гээд тэрний харих хүсэл дарагдах нь юу л бол. Ойлгож байна уу?
Мэдээж тэр ойлгохгүй л дээ.
-Тэгээд ямар хэрэг гараа вэ дээ, Микияа?
-Онцын юм биш ээ. Би Азакаг гэнэт гайхуулъя гэж бодсон юм. Гэхдээ энэ миний гол зорилго биш л дээ. Та хоёрын ямархуу байгааг л мэдэх гэсэн юм.
-Сайн хэлж мэдэхгүй л байна. Чи маргааш дахиж залгаад Азакагаас өөрөөс нь асууж болох юм биш үү? За баяртай.
Намайг харилцуурыг чихнээсээ холдуулах үед нөгөө үзүүрт нь:
-Байзаарай, хүлээгээрэй Шики гэх дуу сонстов. Би өрөөний цаад захад байх толинд харилцуур атган, хөмсөг зангидсан өөрийнхөө төрхийг олж харлаа. Яагаад хөмсөг зангидсанаа өөрөө ч ойлгосонгүй.
-Чи Азакатай ярих гэж залгасан. Энэ чинь надтай ярих юм байхгүй гэсэн үг биз дээ?
-Байлгүй яах вэ. Би чамд санаа зовж байлаа. Надтай хэдэн үг соль л доо. Тэгээд ч гэлэнмаа нар зөвхөн гэрийнхэнтэй нь л яриулдаг болохоор би чамтай ярих байсан ч, Азакаг л дуудуулах байсан шүү дээ. Юу ч гэлээ, мөрдлөг чинь ахицтай юу?
-Жаахан л. Их биш ээ. За тэр ч яах вэ, би утсаар яримааргүй байна. Тэгэхээр дараа үгийг чинь тасалдуулахааргүй болсон үед ярилцаж болох юм.
-За яах вэ. Өнөөдөр чамтай ярьж болохгүй болсон юм чинь би маргааш ч юм уу, дахиад залгая л даа.
Микияагийн хэлж буй үгнээс үл ялиг ёжилсон байдал мэдэгдэж байлаа. Дээрээс нь дахиад бодоод үзсэн чинь тэрэнтэй жаахан ярилаа гээд муудах юм байхгүй ч юм шиг санагдав.
-За яах вэ. Чи завтай юм чинь надад нэг тус хүргэж болох юм. Надад эндээс юу ч олдохгүй байна. Чи гадаа байгаа болохоор илүү азтай байж магадгүй. Энд багшилж байсан Хаяама Хидэо, бас Курогири Сацүки нарын Рейнд ирэхээс өмнө ажиллаж байсан газруудыг мэдээд өгөх боломж байна уу?
Микияа санаа алдаад:
-Оролдож үзэхээс нааш мэдэхгүй л дээ гэлээ.
-Тийм ч чухал биш болохоор чадахгүй байсан ч яах вэ гэж би түүнийг тайвшруулаад:
-Би чамайг осолтой юм хийгээсэй гэж хүсэхгүй байна. Мэдээлэл цуглуулах гээд хууль бус юм хийв дээ. Ямартай ч би одоо сургуулийн хаа ч юм тэнэж яваа Азакаг хайж олсон нь дээр бололтой гэлээ.
-Хүлээгээрэй, чи надаас тусламж гуйсан юм чинь би ч гэсэн нэг юм гуйя. Наана чинь Тачибана Каори гэдэг сурагч бий. Түүний талаар жаахан судлаад өгөөч. Биеийн тамирын хичээлийн бүртгэл, ямар нэг шийтгэл авч байсан эсэх гээд л. Рейн бичиг цаасаа сайн хадгалдаг болохоор эндээс би нэвтэрч чадахгүй байгаа юм л даа.
Би тэрний яах гэж буй талаар хэсэг зуур бодлогоширсон ч, Рейн сургуулийн сурагчийг мөрдөж байгаагаас хойш хэрэгтэй зүйл гэдэг нь гарцаагүй билээ.
-За за, чадвал олоод өгье. Түр баяртай Микияа гэж хэлээд би харилцуураа тавилаа.


Last edited by zolushka_717 on Jul.25.17 1:58 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.25.17 3:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Өө өмнөхийг нь эдит хийгээд зөндөөг нэмсэн юм бна шд. Сая л уншлаа. Азакагийн хамгийн нууц дурсамж нь анх Микияад яаж дурласан нь юм бна л даа.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jul.27.17 12:48 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 1022
Хоосролын тэмдэглэл IV

Унт даа, Кокуто-сан. Миний давтан сануулах уй гашуу орших хоосон зөгнөл дотроо нойрс.
Хоосрол руу шингэн уусахын өмнө би хамгийн сүүлд Ожи Мисаяагийн ингэж хэлэхийг сонсов.
Нүдээ анихад түнэр харанхуй намайг эзэмдэн авч, хоромхон зуур зүүд ч үгүй, нойр ч үгүй юу ч үгүй хоосон болж хувирав. Дараа нь би зүүд нойрны үзүүрээс атган авч, хязгааргүйн ертөнцөд гацлаа.


Үзэн ядаж байна. Би онцгой баймаар байна.
Би нэг удаа ингэж хэлж байсан юм. Гэхдээ хэзээ билээ? Хэнтэй ярьж байснаа, тэр үед ямар дүр төрхтэй байснаа ч би санасангүй. Маш эрт болсон явдал. Ухаан орсон цагаасаа би энэ л үгний сүүдэрт баригдаж, шунан дурласаар ирсэн. Тэр хараал аятай надаас салахгүй зүүгдэж, надад ойртох тусам нь би баяр баясгаланг мэдрэхээ болив. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Гэхдээ бусадтай адил байхыг хүсэхгүй байгаагаа л мэднэ. Энгийнээр сэрж мэдэрч, сонирхолгүй амьдарч, үр бүтээлгүй нойрсох тэдний мөн чанарыг би жигшинэ.
Би бол би. Ганцаараа. Би өөр байх ёстой. Ийм тодорхойгүй ойлголтонд цаламдуулсан би яваандаа “өөр” гэдэг үгийг бүгдээс илүү байх ёстой гэдэгтэй дүйцүүлэх болсон юм. Гэвч томорсон хойноо би тэрхүү гэм хоргүй боловч явцуу гэнэн бодлоосоо чөлөөлөгдөв. Жил ирэх тусам бие цогцос минь өсөн бойжиж, жил ирэх тусам би чандын чанд нууцаа хадгалан, бусдад жирийн мэт сэтгэгдэл төрүүлэн хуурч байлаа. Гэвч үеийнхэнд минь байдаггүй тэр ялгаа дотор минь улам л томорсоор байсан юм.
Хичээл номдоо сайн байх минь онцгой болох миний замнал биш байлаа. Би үүнээс илүү, тэс өмнөө байхыг хүсч байв. Бүх зүйлд шилдэг нь байна гэсэн үг биш боловч дорой дутуу байна гэсэн үг ч бас биш. Нэг л ондоо. Энэ өдөөлтөөс болж би олон харилцаагаа эцэслэв. Үүнээс болж би хүмүүсийг гомдоож, өөрийгөө тусгаарлаж, заримдаа бүр бусдыг айлгадаг байлаа. Гэвч хэрэггүй хүмүүсээс холдсондоо би баярлана. Найзууд, багш нар, эцэг эх маань хүртэл намайг далдуур магтах нь хачирхалтай. Үүний дүнд түгшсэн сэтгэлийг минь амар амгалан эзэмдэх шахна.
Намайг төрөхөөс өмнө тодорхой болчихсон байсан, мөн чанартаа буцахаар тэмүүлсэн ямар нэгэн зүйлд эзэмдүүлсэн мэт санагдана. Энэ л мэдрэмжиндээ хөтлөгдсөн би зөв бурууг нь ч тунгаан шүүж чаддаггүй байлаа. Үүнийгээ зоргоор нь тавих юм бол бусдаас ондоо байх гэсэн хүсэл минь биелэнэ гэдгийг л мэдэж байв.
Тусгаарлагдмал, бусадтай нийцэн амьдарч чаддаггүй, зовлон шаналлаар дүүрэн би. Би ч ийм байсан нь дээр гэсэн бодлоор өөрийгөө хуурахыг оролддог байлаа. Гэвч энэ мунхралаас намайг ямар нэгэн гайхамшиг гэтэлгэсэнгүй. Жам ёсоороо, надад анзаарагдалгүй шахам болж өрнөсөн байлаа.
-Азака, чи ганцаараа юу хийж байгаа юм бэ? Ганцаараа тоглох уйтгартай шүү дээ. Алив гэртээ харья, орой болж байна.
Тэр ердийн нэгэн хүү байлаа.
Би үргэлж ганцаараа байсан юм. Ийм байх нь дээр гэж өөртөө итгүүлсний улмаас би үүнийх нь төлөө түүнийг өршөөлгүйгээр үзэн ядаж байв. Гэвч тэр үргэлж намайг хайж ирээд тоглоомондоо татан оруулна. Эцэг эх маань хүртэл надаас алс байхад тэр л үргэлж хажууд минь байж инээмсэглэн гар сунгадаг байв. Тэр надаас юу ч шаардалгүй хань болно. Анхандаа би түүнийг мулгуу амьтан гэж боддог байсан ч тэр тоосон шинжгүй гараас минь атган, үргэлж гэр рүү минь аваачдаг байв. Тэрнээс өөр ингэж чадах хүн үгүй. Учир нь тэр миний ах шүү дээ.
Тэгэхэд л би гэрийнхэнтэйгээ цусан төрлийн холбоогүй гэсэн бодлыг түүний толгойд суулгахын тулд орон зай бий болгохоор зүрхлэн шийдсэн юм. Энэ бодлыг баттай болгохын тулд тэр надаас хол байх хэрэгтэй. Бодол минь зүрх рүү минь зүү шиг хатгаж байсан ч яваандаа би өдөр хоногийг дэмий урсган алдаж байгаагаа ойлгосон юм.
Би ахыгаа хаа ч явсан нүд салгалгүй ажиж байлаа. Тэр миний төлөө золбин нохойг хөөн зайлуулж байсангүй, ээж аавд загнуулж байхад намайг өмгөөлж байсангүй, усанд живэхэд аварч ч байсангүй. Гэсэн ч түүнийг гэсэн миний сэтгэл хайр болон хувирсныг нэг л өдөр зөвшөөрөхөөс аргагүй болсон юм. Үүнээс болж би түүнийг бүр ч ихээр үзэн ядах болов. Би хайрын сэтгэлээ яагаад заавал түүнд өгчихсөн юм бэ? Гэвч хичнээн ч их үгүйсгэсэн надад яах ч арга байгаагүй юм. Нэг л мэдэхэд ганцаараа тоглож байхдаа түүний дуудахыг хүлээдэг болсон байв. Над шиг хүүхдийн хувьд үзэн ядалт минь ганцаардлын цуурай байсан байж магадгүй.
Хичнээн олон удаа би ахаасаа өршөөл эрэх гэж зоригоо чангалж байв аа? Би удаан хугацаанд түүнийг дорд үзэж ирсэн ч уучлал гуйж чаддаггүй байв. Тэр надад сайн сайхан бүхнийг мэдрүүлсэн ч би баярлалаа гэсэн амархан үгийг ч хэлж чаддаггүй амьтан байсан юм.
Заримдаа би тэрний намайг яаж орхисныг гайхдаг байв. Тэр намайг ухуулан сэнхрүүлэхийг хэзээ ч оролдож байсангүй. Тэгсэн байсан ч сайтар бэлдсэн эсэргүүцэлтэй тулах байсан юм. Энэ бүхэн шалтгаангүйгээр сэтгэл зүрх минь хувирч орхисон мэт, эхлэл гэж байхгүй ч юм шиг хайр байлаа. Гэвч үгүй ээ. Заавал шалтгаан байх ёстой. Би ердөө л хамгийн чухал зүйлээ мартаж, гээж орхисон төдий. Тиймээс би эргэн санах ёстой. Тэгж байж би өөртөө дахин итгэж чадна. Тэгж байж ба энэ хайраа бодит, жинхэнэ гэдэгт итгэнэ. Харин тэр цаг ирэхэд би анх удаагаа уучлал гуйж чадах байх. Сайн ч бай муу ч бай хичнээн болхи бүдүүлэг ч бай үнэн сэтгэлээсээ би уучлал эрэх болно.

-Азака сэрээч. Ханиад хүрчихнэ шүү.
Би энэ хоолойг таньж байлаа. Эмэгтэй гэхээс илүү эрэгтэй хүний гэмээр сайх хоолойг сонсмогцоо би аажмаар нүдээ нээв. Хэн нэгэн намайг унагахгүйн тулд араас минь тулан, царай руу минь шагайн ширтэх аж. Нуруунаас минь түшсэн гар хатуу бөгөөд хүйтэн байв. Миний нүд бүрэлзэж байсан ч хаа ч юм нэг хонгилд унтаж орхисноо ялган харж, хэн нэгэн намайг сэрээхээр оролдож байгааг ойлголоо.
-Мики... гэж би шивнэсэн ч өөдөөс минь харах хүний тас хар үсийг олж үзмэгцээ бушуухан амаа хамхив. Риоги Шики бид хоёул миний хэлэх гэж байсан үгийг ойлгосон тул бие биенээ эвгүйрхэн ширтлээ. Гэтэл Шики нуруун дээрээс минь гараа угз татан авч, би модон шалан дээр дуу чимээтэйгээр тэрий хадан унав. Хамаг бие шархиран өвдөж би:
-Яаж байгаа чинь энэ вэ, тэнэг ээ? гэж гомдоллоод заналтай нь аргагүй дээшээ өндийлөө. Шики миний зүг ердөө л залхуутай харц чулуудаж:
-Ингэж нэг юм сэрэх шив гэв.
-Тэглээ. Чухам ямар гээч чухал зүүд зүүдэлж байснаа марттал сэрлээ, бүдүүлэг зэрлэг ээ гэж би хашхирав. Би тэрний нүүрэн дундуур буулгаад авахгүйн тулд хамаг хүчээ шавхан биеэ барилаа.
-Чи дахиад л тэдний гарт өртөө юм шив.
Түүнийг ингэж хэлмэгц би болсон бүгдийг санахаар ой санамжаа нэгжин самналаа. Би Ожи Мисаяатай уулзсан, бас би тэрний шидэт дагинуудын нэгийг барьж авсан. Тэр шидэт дагинадаа ямар юм шившсэн байсан. Үүнээс нь болж би цочролд орох үед тэр гүйж ирээд намайг унтуулсан. Харин дараа нь Шики гараад ирсэн.
-Хачин л юм даа. Тэд над руу гарцаа байхгүй довтолсон. Гэтэл дурсамжаас минь юу ч авсангүй. Би болсон бүгдийг санаж байна.
-Тэгвэл чи дагинат шидтэний хэн болохыг харсан байх нь ээ? Нэр ус, нүүр царайг нь тогтоож авсан уу? гэж Шики асуув. Би толгой дохилоо. Харамсалтай нь тэр огтхон ч санаанд оромгүй хүн байсны дээр болгоомжгүйгээр халдан буруутгаж болохооргүй хүн байв. Би бугуйн цаг руугаа хяламхийж, ердөө хэдхэн хувь унтсан болохоо ойлголоо. Тэр надад ямар нэг зүйл хийх гэж байсан ч, Шикиг олж хараад яаж ч чадалгүй яваад өгсөн байж болох юм. Энэ удаад Шики үнэхээр намайг аварсан бололтой.
-Баярлалаа гэж би Шикигийн чихийг баясгахгүйн тулд аяархан шивнээд:
-Тийм ээ, хэн гэдгийг нь би мэдсэн. Тэр Ожи Мисаяа байсан гэж хэлэв.
-Өчигдрийн нөгөө өндөр охин уу?
-Яг тэр чинь. Тэрэнтэй би ердөө хэдхэн хувийн өмнө яриад зогсож байсан. Чамаас нуугдах гээд зугтаачихсан байх.
Шики ойлгосны тэмдэг болгон толгой дохиод эрүүгээ тулан бодлогошров. Зангирсан хөмсгийг нь хараад би түүний тавгүй байгааг ойлголоо.
-Яасан? Гэдэс чинь өвдөө юу?
-Тэр ч гэсэн бусдын адил ой санамжаа алдсан биш билүү?
Шикигийн зөв боловч одоохондоо тэр явдалд хамааралтай бүхэн хоёрдугаарт тавигдах болоод байв. Шики ч миний бодсонтой төстэй дүгнэлт гаргав бололтой:
-За за, тэрэнтэй уулзах үедээ л юу болсныг асуучихъя. Микияа чамтай ярих гэж залгасан. Тэр Тачибана Каори гэлүү дээ, нэг сурагчийн талаар олж мэдээдэхээрэй гэсэн хэмээв.
-Юу уу? гэж би түүний нэрийг Шикигээс ч, Микияагаас ч дуулна гэж бодоогүй байсан тул үнэн сэтгэлээсээ гайхан дуу алдлаа. Би Микияаг энэ хэрэгт оролцуулахыг ер хүсээгүй юм. Өнгөрсөн зун тэр нэг сүнстэй холбоотой явдалд орооцолдож 20 хоногийн турш огт сэрэлгүй унтсан удаатай. Аз болж Микияа ганцаараа амьдардаг болохоор ээж аав хоёр олж мэдээгүй ба Токо-сан богино хугацааны комд орсон хойгуур нь түүнийг асарч байсан юм. Токо-сангийн байсан явдалд бурхандаа талархъя. Үгүй бол тэр 3 хоногийн дотор л амьгүй болох байсан билээ. Харин тэр явдлаас хойш би түүнийг Шики, Токо-сан хоёрын ажилд бүү оролцоосой гэж хүсэх болсон юм. Гэтэл тэр яаж яваад түймэртэй холбоотой эмх замбараагүй явдлын талаар мэдсэн байдаг билээ? Түүгээр ч зогсохгүй хэнийг судлах ёстойгоо мэдчихсэн байдаг. 11-р сард би түүнд түймрийн талаар тов тодорхой ойлгуулсан. Гэвч миний тайлбар түүний сониуч занг дарж хүчрээгүй байх нь ээ. Гэвч Токо-сан энэ талаар нууцална гэж амласан байтал тэр яаж ингэж цагаа олж залгав? Бас тэр талаар мэдээллийг яаж олж авсан хэрэг вэ? Тэр чухам хэнтэй ярь...
-Аа, би яагаад өмнө нь санасангүй вэ? Дандаа л чи байдаг тийм үү, Шики? Чи наашаа ирэхээсээ өмнө хаачих гэж байгаагаа хэлснээс болоод тэр чих тавьж эхэлсэн байна. Тэр улайран зүтгэсээр байгаад Токо-сангаас бүгдийг олоод мэдчихсэн байгаа нь гарцаагүй гэж би уурандаа багтран хашхирав.
-Юу? гэж тэр эсэргүүцэн дуугаа өндөрсгөөд:
-Би хаачих гэж байгаагаа хэлэхгүй бол тэрний санаа зовно. Бас тэр мэдэхийг хүссэн. Тэгээд ч чи өнөөдөр байх ёстой газраа байсан бол утсаа аваад, тэрний санааг эргүүлэх байсан юм гэлээ.
Би санаа алдав. Зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч, дуудлагын тухайд тэрний зөв байлаа. Би тэрнийг тас загнаж байгаад бүхнийг дуусгаж болох байсан билээ. Гэтэл Шики миний уурласнаас үл хамааран сэдвээ өөрчилж:
-Яалтай ч билээ. Өнгөрснийг буцааж болох биш. Микияа тэр охины биеийн тамирын хичээлийн бүртгэл мэтийн юмыг хараарай гэсэн. Чи юу гэж бодож байна? Ямар нэг юм олж мэдэх болов уу? гэлээ.
-Биеийн тамирын хичээлийн бүртгэл ий?
Тэглээ гээд юу олж мэдэх юм бол? Ямар нэг далд утгатай юм болов уу, эсвэл...
Гэнэт миний толгойд Ожи Мисаяагийн Тачибана Каориг галаас зугтаж чадаагүй болохоор амиа алдсан юм биш гэж хэлсэн нь зурсхийв. Тэр амиа хорлосон. Надад Ожи Мисаяагаас асууж амжаагүй нэг чухал зүйл байсан нь Тачибана Каоригийн...
-...амиа хорлох болсон шалтгаан хэмээн би бувтналаа. Шики хөмсгөө өргөв. Тэр, тэрний асуулт яах вэ, хүлээж л байг. Би хамаг хурдаараа гүйж, Шики намайг дагах санаагүй бололтой гайхан хоцров. Тэрний хамт явах үгүй нь надад хамаа байсангүй, ердөө л шалавлах хэрэгтэй байлаа. Би балгас болсон дотуур байрнаас гүйн гарч, төв байр руу хөтлөх ойн замыг чиглэв.
Би хаашаа явж буйгаа сайн мэдэж байлаа. Сургуулийн эмнэлэгт сурагчдын эрүүл мэндийн бүртгэл бий бөгөөд би ангийн дарга, дээрээс нь бас захирлын зөвшөөрөлтэй тул түүнийг ядах юмгүй гартаа оруулж чадах билээ.

Хэрэгтэй зүйлээ олж авахын тулд би сувилагч, хянагч хоёрыг жаахан зулгуйдаж, хэдхэн хувийн дараа тэд надад Тачибана Каоригийн эрүүл мэнд, биеийн тамирын бүртгэл болон эмнэлгийн дэвтрийг үзэх зөвшөөрөл өгөв.
9-р сараас өвлийн амралт хүртэл 2-р улирлын туршид 10г ангийн биеийн тамирын хичээл ангийн багшийн удирдлаган дор аялал болон өөр бусад сургуулиас гадуурхи үйл ажиллагаа маягаар ордог байжээ. Тачибана Каори 10-р сард биеийн тамирын хичээлээс олон удаа чөлөө авсан ба дотуур байранд түймэр гарахаас өмнөх 7 хоногт биеийн тамирын хичээлд огт суугаагүй байв. Итгэлтэй болохын тулд би сувилагчаас тодруулж лавлатал бодсон ёсоор тэр энэ үеүдээрээ эмчид үзүүлж байжээ.
Хөзөр нэг нэгээрээ дэлгэгдэж эхэлж байгаа ч, энд байх хугацаандаа бид мяраан гэтэх дайснаасаа зугтах аргагүйг би мэдэж байлаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 206 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited