#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.22.18 8:43 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Oct.06.15 5:26 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван дөрөвдүгээр бүлэг

Жодгорын даавуу туурганы цаанаас үхэр мөөрөх нэвт сонстоно. Жиглэг майхны хаяанд гунихран хэвтэнэ. Ёрын муу Бэхтөрөөс Сарай хот хүрмэгц сална гэсэн найдлага талаар өнгөрч харин ч нэг аравтад хуваарилагдан Карпатын ууланд өдөр хоног тоолон хийх юмгүй гиюүрэн суугаа нь энэ ажээ.

Тэдний харуул харах бяцхан гацаа, Дунай мөрөнд цутгах Тротуш хэмээх түргэн урсгалт голын эрэгт байна. Өндөр өндөр шар хадан уулс тал бүрээс хашиж, эргэн тойрон мөнх ногоон гацуур нэвсийн хөглийх бөгөөд сав л хийвэл бороо асгарна.

Харуулын албанд зарагдсан цэргүүд энд Шибани хааны зарлигийг дагаж ой модоор хэрэн тэнэх элдэв дээрэмчин, муу улсуудаас гацааны номхон иргэдийг хамгаална. Гацааны иргэд цөм өнгөт нүдтэн. Хэний ч харьяа биш, гагцхүү их эзэн хаанд алба барина.

Саяхан орсон бороо газар шингэж үүлэн чөлөөнөөр нар тусав. Жиглэг босож Дөштөмөрийн дээгүүр алхаж гадаа гарав. Алаг тарлан үнээнүүд модны хаяагаар билчиж байв. Аравтын адуу үнээний цаана идшилнэ. Жиглэгийн буурал халзан үүрэглэх мэт Момунтусын бор үрээний суганд толгойгоо шаан нарлаж байлаа. Тэдний аравтын Момунтус хэмээх огуз нутгийн махлаг бор хүн майхны хаяанд чөдөр зангидаж суув. Харуулын бусад цэрэг Бэхтөртэй хамт гацааны шалбааг устай гудамжаар хэсэж тэрслүү этгээд, сэжиг бүхий иргэн байгаа үгүйг цагдана. Гэвч ихэнх цагаа урт үст тарган цатгалан Даки бүсгүйчүүлийг цагдахад үрнэм бөлгөө. Тэд өглөө орой нэг нэг удаа гацаагаар өнгөрч буурчийн газар, булан тохой, малын саравчийг төнхөж шалгаад өдөртөө нэг удаа зуутын дарга Хамзад мэдээ хүргэнэ.

Өнөөдөр Хамза дарангуйлагч тийш одсон Үлэгташ ирээгүй л байна. Жиглэг хад чулуун дундуур шуугин урсах голын чимээ сонсож гилжийн зогссоноо Момунтусын дэргэд очиж суув. Момунтус Жиглэгээс насаар ахмадын хувьд ихэрхэх санаатай байдаг боловч аравтын дарга Бэхтөрийн хамт суу их Чингис хааны уугуул нутгаас ирснийг санаж тал засах шинж илэрч,

— Ногоорч дуусав уу, Жиглэг ээ? Чи чинь залуу хүн байтлаа ямар их гунихрах юм бэ? гэж сэмхэн асуув. Жиглэг усны урсгал сонсох мэт гилжийн сууснаа шүүрс алдан гараараа дохиод юу ч хэлсэнгүй. Момунтус түүнийг юу ч хэлэхгүй болохоор яриагаа үргэлжлүүлж,

— Сайхан монгол охин нэгийг бодоо юу? Энд ч мөн сайхан амьтад бий шүү. Богемоос авчирсан хүүхнүүд ч мөн сайхан байдаг шүү. Чи согоотой болчихвол ингэж унжийж суухаа умартаж өөр болох бий вий гэж сэтгэлийг нь засаж үглэв. Жиглэг түүнийүгийг сонсоод Хүнүйн голд очиж Нэмүүлэнтэй уулзаж ярилцан суухсан гэсэн хүсэлд автав. Эх нутагт нь намар орой болж айргийн үнэр ханхалж адуу мал бэлчиж, өвс ногоо халиуран буйзаа. Дураараа айл хэсмээр санагдахад буурал халзангаа барьж унаад гол уруудан алга болмоор болох шиг. Тэсэж ядсандаа өвдгөө алгадан босож шаварт зам өөд ширтэв. Өтгөн ногоон гацуурын цаанаас морьтой хүн гарч тосгон өөд хатируулав. Тэр хүнийг тосгоны хашаан дундуур шавар шалбааг үсэргэн, сийрсэн малгайтай даки өвгөдийг дайрчих шахан орж ирэхэд Үлэгташ болох нь танигдав.

Үлэгташ майхны үүдэнд аажуухан бууж морио шонгоос уяад хөлөө чирэн алхах зуураа,

— Уух юм байна уу? Бэхтөр хаана байна? гэв. Майхны үүдээр цухуйсан Харабала тулган дээрх зэлгээн цайнаас аягалж барив. Үлэгташ амьсгаадан газар сууж аяны үндсэн аяганаас бүлээн цай нэг амиар залгилж ханаад сая амьсгаа авч,

— Энэ нутгийн иргэд цай уухгүй мөн хэцүү еэ. Замд айлаар бууж дарс гударсаар явтал толгой эвгүйцэв хэмээн ярвайн өгүүлээд — Бэхтөр хаана байна? гэж дахин асуув.

Төдөлгүй Бэхтөр дөрвөн цэрэг дагуулан гацаанаас буцаж ирэв. Үлэгташ даргыгаа угтан гарч,

- Дарангуйлагчаас захиас үгтэй ирэв, би. Өнөөдөр, харуулаа орхин хөдөлж Сэрээт голд ирэхийг тудшааж байна. Галийчийн ван Роман, Шибани хаанд тэрсэлж боссон тул түүнийг даруулахаар биднийг илгээх юм гэнэ. Бэрке голын Мэргэдийн шивээнээс Бурандуй ноён түмтүүдээ хөдөлгөж байгаа гэж дуулав хэмээхэд Үлэгташийн согтуу царайг зэмлэнгүй харж байсан Бэхтөрийн нүдний харц арай зөөлөрч амаа жимийн бодолхийлсоор хажуугаар нь зөрж майхандаа оров.

Маргааш нь Бэхтөрийн аравт тушаал ёсоор үүрээр хөдлөн Сэрээт голын хевөөнд зуутдаа ирж нийлэв. Голын ногоон дэнжид цэргээ засаж, аян замд бэлтгээд үүл хуралдан харлах хойд зүгт тогтоосон хугацаанд хөдлөв. Яарч сандарсан дарга нар шавдуулж ачаалсан тэмээ буйлж, үхэр малын туруу нижигнэж, зэр зэвсэг хангинана. Энэ мөчид Тисса болон Гомеш голын хөндийд байрлаж байсан Бурандуй ноёны төмөр савар болсон тарган морьт, өвч зэвсэглэсэн түмтүүд Карпат уулын нарийн хавцал даган Галичийн вант улсын толгой өндийлгөсөн чин зоригт хөвгүүдийг нухчин дарж хот суурингуудыг нь эвдэн сүйтгэхээр зогсолтгүй урагшилж явлаа. Хамза дарангуйлагчийн зуут уул нуруу дамжин аяны явдлаар давшин дөрөв дэх хоног дээрээ Бурандуй ноёны толгойн ангиудад сүйдлүүлж ялагдаад мод шугуйд орогнон зугтаж явсан оросуудтай тааралдав.

Тэд царсан ой дундуур гарсан тоостой зөрөг замаар тэнхэл муутай алхалж, үнээ ямаагаа тууж, жижиг тэргэнцэрт ачсан дээл хувцас, эд агуурсаа чирч, хүүхэд хөгшдөө түшиж явна.

Амь тээн буруулж явсан улсууд заналт дайснаа үзээд мэгдэн сандарч их дуу гарган ширэнгэ ойд зугтан орж том далбагар навчсын дундуур толгой нь шомболзон алга болов. Зам гудас хөл үймээнд автаж айж сандарсан эмс хүүхдүүд орь дуу тавин хуйларч нэг нэгэнтэйгээ мөргөлдөн унаж тусан гүйлдэнэ. Эл хөл үймээн дундуур хэлхгэр урт хормойт хувцас өмссөн урт үст хүүхэн нүцгэн хөлийнхөө тавхайг гялалзуулан тэргэнцэр дээр овоолсон бараа юмаа түрэн гүйж яваа нь Жиглэгийн нүдэнд тусав. Тэргэнцэрийн дугуй замын хажуугийн бургас дайрч гэнэт зогсов. Хөөрхий тэр эм тэргэнцэрийн дугуйг бургаснаас салгаж чадахгүй хий л самгардан урагш зүтгэнэ. <<Ямар их сандардаг юм бэ? Ядахдаа гэдрэг нь татаад тээглээнээс мултлаач!>> хэмээн дотроо халаглан сэтгэтэл нөгөэ хүүхэн тэргэнцрээ орхиод дотроос нь боодолтой юм авч элгэндээ тэврэн харайлгав. Тэр нь хүүхэд мөнийг Жиглэг шууд ойлгов.

Хамза дарангуйлагчийн зуут цогиулсаар саяхан Галичийнхны үймэлдэцгээж байсан газар дөхөж ирэв. Замаар тарааж хаясан дээл хувцас, онхолдож орхисон тэрэгнээс асгарсан ваар сав, хагархай хэмхэрхий эд хогшил хөглөрнө. Дүрвэгсэдийн үхэр мал, эзэд маань юун учир биднийгээ орхиж ойд хулжив гэж гайхах мэт модны сүүдэрт хивэн зогсоно.

Ой мод самнаж давхисан цэргүүд удалгүй арав хориод хүн тууж ирэв. Тэд ам амандаа бархиралдан гашуудацгааж морин цэргийн жаднаас дөлөн далдирч нэг нэгнээрээ халхавч хийхийг хичээн түлхэлцэн явцгаана. Хамза дарангуйлагч баригдсан иргэдийг байцааж юу ярихыг анхааралтай сонсов. Байцаагдагч олзны иргэд дунд мөнөөхөн хүүхдээ тэвэрч зугтсан бүсгүй харагдана. Тэр бүсгүй хүүхдээ хамгаалан нугдайх боловч өндөр гоолиг нуруутай нь илхэн мэдэгдэнэ. Модны чөлөөгөөр тусах нарны гэрэлд алтан шар үс нь гялалзана. Өршөөл гуйсан гүн цэнхэр нүд нь монгол цэргүүдийн ялтсан хуяг сэлэм хутган дээр зэрвэс түргэн тусаж ямар нэг үг учирлан бувтнавч Жиглэг яахан ойлгох билээ. Залуу бүсгүйн царай зүс шарангуйгаас биш Ойгонтой ямар нэг талаар төстэйг мэдэрч өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрөв.

Хамза дарангуйлагч иргэдийг байцааж дуусаад сахал үсэндээ баригдсан зургаан эрийг тусад нь ялгаж цавчин унагав. Момунтус тэдний зүг толгой дохиж,

— Тэрслүү нарыг цээрлэж байна. Зарим нь номхон иргэдийн дунд нуугдчихдаг юм хэмээн тайлбарлав. Зуутын дарга, амь аврагдсандаа баярлах хазгар өвгөнд хэдэн зоосны шан хүртээгээд үлдсэн эмс хүүхдийг суллан тавьж цааш хөдлөв. Жиглэг нэлээд яваад эргэж харахад нөгөө хүүхэн хүүхдээ тэврэн мэгшин уйлж үзэгдэв.

Галичийн ван Романыг бут цохисноос хойш намрын сар өнгөртөл Шибани хааны зарлигаар нааш цааш хэрэн тэнэж, зугтаж алга болсон тэрслүү этгээдүүдийг хоморголон энд тэндхийн тосгодуудад харуул хийж, зам харгуйг отож суулаа. Эсэргүүцэн тэмцэх нь татаж энгийн номхон иргэд тосгон сууриндаа эргэн ирлээ.

Бурандуй ноёц Шибани хааны зарлигаар Карпатын уулыг даван өрнө зүг давшив. Днестр мөрний эрэгт байрласан түмтүүдээ хагасыг Хуст уруу буцаав. Зарим хэсгийг Польшийн панууд муу сургаал авч толгой өндийж магад хэмээн хардаад Кракод дөхүүлэн байрлуулжээ. Жиглэгийн түмт Висла гол тийш хөдлөв. Тэндхийн бургас шугуй элбэгтэй голын нугачаануудаар тарж байрласан тосгонуудад өвөлжихөөр бэлдэв.

Намар орой боллоо. Нойтон цас хааяа шуурч тав алдуулна. Гадаа үргэлж нойтон агаад хээр унтахад эмээлийн норсон гөлөм доороос жиндүүлнэ. Хамза дарангуйлагчийн зуут Кракогоос зүүн хойш Бешча тосгоны айлуудад буулаа. Жиглэг Үлэгташ, Дөштөмөр гурав гадаа гэрт нь мэдэгдэхгүй шавар шороонд умбасан гурван өрөө байшин бүхий польш өвгөнийд байрлав. Хоёр том охин, үглээ бүдүүн авгайгий нь хөөж нэг өрөөнд нь оруулаад бусад өрөөг нь эзэгнэн авчээ.

Талын нүүдэлчин хөвгүүд аажимдаа нүхэн байшинд дасаж, нутгийн хүнийг бишүүрхзн гадуурхдагаа болив. Өвгөний зооринд дураараа сэлгүүцэн гахайн утсан гуя, бяслаг цөцгийнөөс нь зөөж хэрэглэнэ. Гэрийн ззэн эзэгтэй хоёртой хууч хөөрч цаг өнгөрөөдөг болов. Монголын бэлтэй цэргүүд гахайн махны үнэ өртгийг бараг хоёр дахин нугалан төлөх тул өвгөн эмгэн хоёр зарим талаар сэтгэл хангалуун байх бөлгөө. Тэдний охин Ритко, Мирошко хоёрыг Дөштөмер зав зайндаа оролдож үнээ малаа арчлахад саад хийх боловч Дөштөмөрийн аргыг олж сурсан хоёр охин эцэстээ зүрх орж хаа гуяыг нь илвэл саваадаж хашаан дотуур элдэж шуугилдана. Дөштөмөр мөчөөгөө өгсөнгүй эр хүний арван гурван мэх угсруулан хийсэн бололтой хаврын урь ороход биелэг шар Риткогийн хэвэлд учир ургасан нь туршлагагүй хүний нүдэнд өртөх болсон нь гайхалтай. Хэдий завандаа амжсаныг Жиглэг бодоод бодоод олсонгүй. Тэр өвөл дайн дажин дэгдсэнгүй. Цаг төр тайван. Залуу дайчид агт адуугаа ээлжлэн маллаж, хажуугаар нь өвгөний хэдэн үнээг хариулж, зэр зэвсгээ янзалж тордон суутал монголын их эзэн хаанд Тулуйн хүү Мөнх өргөмжлөгдөж Ойгул Каймиш хатан, түүний гар хөл болсон Кадак ноён тэргүүтэй хорт могойнуудыг цаазлан гэсгээсан тухай мэдээ ирж сүүлийн хэдэн жил Бэхтөр, Дөштөмөр Жиглэг нарыг дарамтлан зовоож байсан ачааг аваад хаячих шиг болов.

Одоо нутаг буцаж болно гэж бодохоос харь газар дасал идээшсэн зүрх сэтгэл гэнэт догдлон булгилж нутаг усаа санан тогтож ядан дэнслэх болов. Гэтэл гай газар доороос, гахай модон дотроос гэгчээр Бэхтөр тэргүүтэй гурван хөвгүүдийн гавьяа зориг нь нууцлагдахаа больж цэргүүд дунд яригдан тарж, халдвар мэт дамжин явсаар Бурандуй ноёны тагнуулын сумангийн даргын чихэнд дэлсэж төдөлгүй эл гурвыг тагнуулын суманд татан шилжүүлж толгойд багтамгүй сонин хачин хэргийн хойноос илгээх болжээ.

Сүүлийн үед Сандомирийн ван Ичимхий Болеслав Төөтоны орденоос тусгаарлан бие даахыг оролдож, өдрийн бодол, шөнийн зүүдэнд автан алд биеийг зовоох болсон нь монгол ноёдод илэрсэн байна. Крако хотын рыцарь цэргийн захирагч Мешко Төөтоны зальхай загалмайтны эсрэг Бурандуй ноёныг хань татахаар санаархаж Болеслав вантай холбох арга саам эрэлхийлнэ. Харин өвөл нь Кракогийн хамба лам Ионн Тимус Ладог нууран дээр Александр ванд ялагдаж, дараа нь Лигнэцэд Орд эзэнд хамх цохиулснаас хойш монгол цэргүүдээс зүрхшээн сүүлээ хавчих болсон Төөтоны ордены төмөр цэргүүдийн нууц түлхээсээр Болеслав ванг Бурандуй ноёнтой эвсэн холбоо тогтоож магадгүй хэмээн болгоомжилж сэм явууллага хийсээр байв. Бурандуй ноён цаг хожихыг оролдон, засгийн төлөө тэмцэлдэгч эсрэг тэсрэг хүчийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг хүсэж байтал Мешко захирагч биеэ даахыг мөрөөдөн давхар тоглоом үүссэнийг мэдсэн байна.

Хувингаар асгах адил бороо цутгаж газар дэлхий шавар шалбаагт живж байхад Жиглэг Дөштөмөр хоёрыг Керим хэмээх азербайжан хүний хамт захирагч Мешкогийн шаардсан алтан сейкийг хүргэж өгөхөөр Крако тийш илгэзв. Тэр гурвыг гарахад жихүүн бороо зүсрэн сааралтаж цас хайлж ч магадгүй шинжтэй харагдана. Үүр цүүрээр туулайн бөөр ургасан нарийхан зам даган дуу шуугуй цувралдан яваа бор тааран нөмрөгт юудэнгээ босгосон аянчдыг католик гэлэн гэлтэй. Алхаа гишгээ нь хүртэл католик гэлэнгүүдээс ялгарах юмгүй болсон гурван залууг Бэхтөр үдэж гаргав.

Монголын булаан эзлэгчдийн ивгээл доор багтах уу, эсвэл Ромын апостол ламын ариун ёсыг дагах уу, эсвэл Болеслав вангийн хамгаалалд итгэх үү гэдгээ мэдэхээ больсон тариачид тэдэнтэй санамсаргүй дайралдвал итгэл муутайхан бөхөлзөж ямар ч атугай зам тавьж өгнө. Тахирлан мушгирсан нарийхан гудамжтай Крако хотын хаалган дээр ирэхэд манааны шовгорт үүрэглэн гөлрөнгөтөх бээрэнгэ харуул тэднийг тоож ч харсангүй. Хаанаас ч юм бэ нэгтээгээс гарч ирсэн монгол цэргүүд гудамж уруудан шогшин зөрж өнгөрөхдөө тэднийг хөмсөг зангидан зэрвэсхийн ажиглаж,

-Энэ муусайн гэлэнгүүдийн байж байгааг нь. Иш зайлуул. Эдний хөлхөлдөхгүй цаг үгүй юм аа? Цастайд ч явж л байх юм. Бороотойд ч явж л байх юм хэмээн ярилцсаар булангийн цаагуур далд орцгоов. Жиглэгийн чих халуу шатан улайж үзэшгүй муу бор тааран даавуун доор монгол хүн явааг мэдэх вий гэхээс яс хавталзан гудамж уруудан алхав.

Тэр гурав усаа гоожуулсаар Бэхтөрийн зааж өгсөн буурчийн газар орход согтуу хөлчүү заваан хүмүүс урт модон вандан дээр эв хавгүй сууцгааж чанга чанга ярилцан шуугилдана. Гурван гэлэн тэдний дундуур сэмхэн гэтэлж туршуул сумангийн даргын тушаал буулгахдаа зааж өгсөн уулзах ёстой туранхай хөх буурчид дөхөж явтал хоолны өрөөний харанхуй буланд хоёр гэлэн хөлсөө гоожуулан шөл оочилж, гамбир үмхлэн чимээ аниргүй сууж харагдав. Тэр хоёрын чих нь сэртийж шал пал зажлан тамшаалахаас өөр чимээ үл гарах тул Жиглэгийн үг яриаг зориуд чагнах гэсэн мэт. Иймээс тэр гурав туранхай хөх буурчид үгээ хэлж чадсангүй. Зузаан царсан ширээний ард сууж хоёр гэлэнгийн гарч явахыг нь хүлээхээр шийдэв.

Гэтэл гадаа морин туурайн чимээ гарч Крако хотоор тэнэж, архи дарсанд нэлээд халж яриа нь олширсон аравт цэрэг орж ирлээ.

-Пээ ямар их устай тэнгэр вэ. Мангасуудын тэнгэр биднийг ирлээ гэсэн шиг усан нүдэлчих юм. Мөн ч өрөвдөлтэй тэнгэрт ивээлгэсэн улс шүү гэж хөөрцөглөн ярилцана.

-Алив галд ойрхон сууцгаая. Тэр гурван гэлэнг үтэр хөөе! Монгол хөвгүүдийн цэнгэхэд саад болсон хожгор толгойтнууд! гэж зэр зэвсэг хуяг дуулгаа харжигнуулан согтуу хүмүүсийг түлхэн зайчилсаар ойртон ирэв. Жиглэг аюул тулгарсныг анзааралгүй байтал хажуу бөөр уруугаа хүчтэй нудруулж босохдоо сугандаа хавчуулсан наманчлагын хайрцагт дүүргэсэн алтан сүхсээ золтой л алдаад асгачихсангүй. Аравтын хөлчүү цэрэг тэднийг амьд хүн байна гэж анзаарсан үгүй суудлаас нь зэрлэг түлхэн зайлуулж нэг нэгэндээ сайрхан, маргалдсаар вандан дээр эгнэн сууцгаажээ. Хавиргаа хурц сэлмээр хатгуулж огло үсрэн боссон Дөштөмөр өвдсөндөө,

-Бузар цөөврүүд! хэмээн өөрийн эрхгүй ёолон дуу алдав. Монгол цэргүүд зогтусан цочиж хуурамч гурван гэлэнг алмайран ширтэв. Дөштөмөрийн юүдэн хойш унаж норсон гэзэгтэй толгой ил гарахад уурсан үрчийсэн царай бүрэнхийд цайран үзэгдэв. Гэтэл аравт цэргийн дундаас нэг цэрэг ухзсхийн босож,

-Юнгэр баатар аа! Нөгөө дөрвийн нэг байна гэж хашгирав. Юнгэр хэмээх том алаг нүдтэй ханхар эр Дөштөмөрийг гайхан ширтэж өөрийнхөө цэргийн юу хэлснийг ухаарах гэж хичээнэ.

Жиглэг Эрчис мөрний эргээс тэднийг барихаар хөөцөлдөн явсан Шихихутаг ноёны хүмүүс мөнийг дор нь ойлгов. Юнгэр баатрын зуут цэрэг Шихихутаг ноёны даалгаврыг биелүүлж чадаагүйгээс залхаал хүртэж балар шигүү ойд амь эрсдэн тулалдаж суурин газрын зэрлэг иргэдийг номхтгон дагуулах баруун гарын гүмтүүд дунд тараагдаж, аравтын даргын зэрэг хүртэл тушаал буураад гунихарсан сэтгэлээ балмад явдлаар сэргээх хэмээн оролдож үнэн худлаар сэлгүүцэж энгийн номхон польш иргэдийг айлган сүрдүүлж явааг Жиглэг хэрхэн мэдэх билээ. Одоо болтол түүнийг мөшгин яваа тагнуул туршуул мөн хэмээн сэтгэн, өөрийн хэрэгт зүтгүүлсэн байтлаа мөрдөж мөшгөхөө зогсоохгүй үргэлжлүүлсээр байгаа Мөнх хаанд өших өшил гомдол дүрэлзэж, ямар ял хийснээ ухахгүй ч зөнгөөрөө мэдэрч айх шиг болоход ширээн дээр уур савсах аягатай халуун шөлийг шүүрэн авч Юнгэр баатрын толгой уруу нүүлгэчихээд сандарч гайхсан буурчийн лангууг давж оров.

Юнгэр баатар их дуугаар гаслан хүнгэнэж,

- Ай муу галзуу мангас хамаг бие түлчихлээ. Чамайг би одоохон номхон ирэг шиг болгоё хэмээн сэлмээ гялсхийтэл сугалав.Үүнийг харсан герман локатор, польш иргэдийн согтуу нь арилж хаашаа ч юм зугтаж алга болцгоов. Монгол цэрэг болж хувирсан гурван гэлэнг айж хэлмэгдсэн нүдээр ажиглах хоёр католик лам буланд шигдэн үлдэв.

Тэр гурвыг нам цавчин унагахаар Юнгэр баатрын цэргүүд ухасхийхэд Дөштөмөр вандан авч дөтөлж ирснийг нь цохиж унагав. Керим лам хувцасныхаа давчуу хормойд орооцолдон зугтаж үүдэн тушаа хэвтсэн сагснуудыг цэргуүдийн толгой дээгүүр нүүлгэж,

-Аллах мэдэг! Аллах мэдэг! гэж шүд зуун орилно. Жиглэг лангууны араас шавар домботой архи чулуудаж хагалахад буурчийн газраар нэг эхүүн үнэр ханхаллаа.

Цэргүүд сая сэхээ авч Дөштөмөр Керим нарыг дайрч, сэлэмний ир салхи зүсэн исгэрэв. Керим хананд түшүүлэн хураасан бургасан сагс шүүрэн урдаа барьж, Сэлэмний хурц үзүүрээс далдичин бултаж бие хамгаалан ухарсаар хананд тулж явах газаргүй болов. Том алаг нүд нь аягандаа багтаж цөхөн бөлтийгөөд шанааны судас нь хөхрөн гүрийж, гэлэнгийн тааран дээл навс зүсэгдэн өрөвдмөөр муухай болжээ.

Элэг бөөрөндөө мөнгөн тольтой хүрлэгэр цэрэг матигар сэлмээ эргүүлж Керимийн урдаа барьсан сагсыг хэд цавчаад гүрээгий нь огтолж хаяв. Дөштөмар өөр уруу нь үсчин давшлах залуухан цэргийг вандангаар цохиж унагав. Дараагийнхыг цохихоор далайснаа амжил ололгүй чулуудчихаад өврөөсөө урт хутган илдээ сугалахаар тэмтчихэд бас амжсангүй, гэлэнгийн хувцсандаа орооцолдож мунгинах хооронд халуун шөлөнд түлэгдэж улангассан Юнгэр баатар Дөштөмөрийн өрөөсөн гарыг хуга цавчиж хаялаа. Дөштөмөр муухай орилж суун тусав. Түүний бор тааран дээлийн энгэр дорхноо харлаж цусанд нэвчжээ. Юнгэр баатар сеөнгө дуугаар бахардан хашгирч,

-Аа чи муу зулбадасга. Эрчис мөрний хөвөөнд намайг чулуу хөөлгөсөн билүү! Одоо чи миний гараас гарахгүй. Би чиний зүрхээр чинь сүнс сүлдээ тахиж, элэг бөөрийг чинь амьдаар чинь хэмлэнэ гэж тавлан ойртов. Дөштөмөр цочроо арилангуут архирч,

-Би чамайг морины сайнд давж гарсан билээ. Чи шулам эм мэт шиншиж төншсөөр яваад хойнос минь ирэв үү. Миний бухандай[9] бас л аминд минь орно доо. Чиний хамар доогуур мөнгөн ус шиг бөнжигнөн гарахад барихыг чинь харья гэж хорсон өгүүлээд гэнэт ухасхийн хар эрчээрээ чулуун хана мөргөж толгойгоо задлан үхэтхийн унав.

Юнгэр баатрын цэргүүд гайхахын ихээр гайхаж түр алмайрах үед Жиглэгийн хөлнөөс нэг хүн чангаасан нь газраар тэрийн мөлхөх хөх буурч байлаа.

Жиглэг лангууны араар бөгцийн нуугдаж буурчийг даган арын хаалгаар цаад талын өрөөнд сэм оров. Нөгөөх нь айж сандарсандаа хөх нүдээ эргэлдүүлэн дагжин чичрэх мөртөө Жиглэгийг хүчлэн түлхэж нарийн шатаар буулгаж харанхуй хонгил дамжин зэргэлдээ гудамжинд гарав. Жиглэг өврөө суйлж хутган илдээ бэлтгэн бариад, нөгөө гартаа нүгэл наманчилдаг хуудасны хайрцагт дүүргэсэн алтан зоосоо сугавчлан харайлгаж явав. Түүний хойноос хөх буурч ямар нэг үг өгүүлэн гараараа дохиж хормой дэрвүүлан дагаж явлаа. Борооны ус шоржигнон урсах шуудуун дээгүүр харайлгаж нарийн гудам дагаж уруудсанаа хөх буурчийн дохиогоор хонгил уруу гүйж оров. Хонгилын нөгөө үзүүрт дараагийн гудамжны гэрэл харагдав. Тэднийг угтан гурван хүн яаран хөдөлсөн нь буурчийн газар сууж байсан хоёр гэлэн төөтоны хуягт цэрэг дагуулан ирсэн нь тэр байжээ. Буцъя гэхэд хойно нь Юнгэр, урагшилъя гэхэд төөтоны туршуул католик гэлэнгүүдтэй халз тулах болж арга байхгүй гацаанд орсноо Жиглэг ойлгов. Бороонд норсон үсээ хутгатай гарын араар арчиж хатгалдаж дуусахаар шийдэв. Гэтэл гурван гэлэн замаасаа эргэж зугтав. Юун ч амархан хулчийнав дээ хэмээн үл итгэн гайхав. Тэд хуяг дуулгаа харжигнуулан нэхэж яваа Юнгэрийн цэргийг үзэж болгоомжлон сүрдсэнийг сүүлд ойлгов. Гурван гэлэн амиа хоохойлж алга болсон тул зам чөлөөтэй болов. Жиглэг хөх буурчаа дагуулан нэгэн бяцхан талбай дээр гарч ирэхэд бороонд норсон худалдаачны морин тэрэгнээс өөр юу чүгуй байв. Жиглэг талбайг хөндлен харайлгаж яваад нэг харсан хөх буурч алга болсон байлаа. Хаашаа орчихдог чөтгөр вэ хэмээн дотроо хараан ийш тийш ажтал хажууд байшингийн цонхны цаана зогсох авгай гар хуруугаа хөдөлгөн элдэвчилж төмөр торон хаалга уруу зааж харагдав. Тэнд хөх буурч нуугдаж Жиглэгийг хүчлэн даллаж байжээ. Жиглэг ганц харайгаад төмөр хаалганы цаана гарахад хөх буурч салганаж тэмтчин хормой доороосоо түлхүүр гаргаж тэр хаалгыг түгжиж авав. Нарийхан хонгил уруудаж цэцэрлэгт хашаанд оров. Чулуу шигтгэсэн нойтон замаар алхахад хөх буурч сая санаа амран баясгалантай инээмсэглэж цэцэрлэгийн гүнд манан дотор цайран харагдах цагаан чулуун байшан тийш дагуулав.

Тэр хоёр төмөр тоногтой том модон хаалга түлхэн ороход нэгэн тайган бөхөлзөн угтжээ. Жижгэвтэр цонхтой өндөр адартай цэлгэр том өрөө байв. Жиглэг сандарч догдолсон сэтгэлээ барьж үл тэсэн цааш нааш алхаж дотроо гашуудан бухимдахдаа өөрийн мэдэлгүй нүүрээ үрчийлгэн хөмсгөө зангидаж гуяа тачъядан алгадана. Дөштөмөр, Керим хоёрын цус нөжиндөө хутгалдсан царайг санахгүйг аль болохоор хичээж байлаа.

Хөх нүдэт буурч цаад өрөөнд орж алга болов. Төдөлгүй Кракогийн рыцарь цэргийн захирагч шар сахалт Мешко гэгч зузаан ултай хүнд гутлаа чирсээр орж ирэв. Тэр этгээд ноён хүн гэхэд таарамгүй ядуулаг хувцасласан харагдана. Энэ нутгийн жам ёсоор оймсгүй гутлаа холхиндог угласан учир алхах гишгэх бүрд нь шагай нь цайран гялтагнах аж. Гэхдээ л хиртэй цагаан даавуу дээр улаан загалмай хатгаж гоёхоос өөр юмгүй, түүхий ширэн тоногтой, хааш яаш нөхсөн хуягтай, Маккавегийн ах дүү нарын ахлагч гохмейстерийг бодвол язгууртан байрын бараа сүр царайд нь эрх биш илэрнэ. Түүний хойноос бие хамгаалагч хиа нар орж ирээд Жиглэг хөвгүүнд сэтгэгдэл үлдээхийг бүх талаар хичээн ханан тушаа хөлөө алцайлган сүр бадруулан зогсов. Хиа нарын толгой дахь дуулга хөмөрсөн домбо шиг эв хав муутай данхайна.

Мешко захирагч ширээний ард суухад Жиглэг индульгенцийн хайрцгаа өмнө нь тавьж хамаагүй хөдөлбөл өргөс шаачихмаар барвагар модон сандал сандайлав. Мешко захирагч их л сэтгэл зовсон янзтай хөмсгөө зангидана. Эсвэл зөвхөн тийм дүр үзүүлнэ үү бүү мэд. Түүнийг зөвхөн бурхан л ялгаж мэдэх биз ээ.

-Базаахгүй явдал болсон байна. Тусгүй явдал болжээ. Би нааш яараад бүгдийг сайн сонсож амжсангүй гэж сэтгэл зовнин өгүүлжээ. Ингээд ярианы сэдэв өөрчлөгдөж — Бурандуй ноёны явуулсан юм энэ үү? гээд алтан зоостой хайрцгийг өөр уруугаа татаж тагийг нь сөхөж үзээд цааш авч тавив. Хөх нүдтэн алт үзээд Дөштөмөр Керим хоёр сүйдлүүлсэн тухай аль эрт мартаж орхисныг ойлгов. Саяхан түүний сэтгэлийг зовоож байсан зүйл бол алтыг замаас нь дайрсан явдал байжээ. Одоо нэгэнт Бурандуйн амласан алт түүний гарт орсон тул сэтгэл түгшүүр арилж, олиггүй муусайн татааруудаас салахын түүс болж буйг Жиглэг бүүр түүрхэн гадарлана. Түүний өмнө бодлогошронгуй царайлан суух Кракогийн рыцарь цэргийн захирагч сүүдрээсээ болгоомжлон айж тэр гурвыг хамгаалахын тулд ганц хуруу ч хөдөлгөж зүрхлэхгүйг таамаглав. Тэр байтугай Кракогийн зальхай хамба Ионн Тимусийн гэлэнгүүдээс айж сүүлээ хавчиж байгааг гэнэт ойлгов. Шар сахалт ноён арчаагүй байдалтай бувтнасаар байв.

-Сандамирчууд Куявын вангийн толгойг мэдэх ёстойг ариун христосын номд заасан юм. Куявууд Гэгээн Мариягийн ах дүүсийг даллаж авчраад юунд хүрэв. Юунд ч хүрээгүй. Христиан хамбын таалал төгссөнөөс хойш Кракогийн архипескопын кафедер буруу номтны хот Ригад шилжлээ. Крако юугаараа гологдсон юм бэ. Кракогийнхтай адил сүрлэг сүмтэй газар хаана байна. Сүүлийн үед германы локатарууд энд улам эрхшиж Мазовецийн эргүүл туршуулыг далдлан хаацайлж юм л бол манай эрхт хууль, Магдебургийн шүүх мэднэ гэдэг боллоо. Сүүл сүүлдээ цэргийн зардал ч татаж авах албатгүй болох гэж байна. Болеслав ноён Маковец уруу хатгалдах болбол литвуудыг байя гэхэд галичуудыг ар хударганаас орохыг хазаарлан зогсоох боломж байна уу? Бид тэгвэл локатаруудыг хотод оруулж байгаа язгуурт ноёд можновласчүудыг дарж Мөнх хааны таалал дор ариун шажинт Польш улсыг байгуулна гэхэд,

-Та нар юуны өмнө германы локатаруудыг оруулахгүй тэдэнд газар эс өгөх, христос шажингаа мандуулж тусдаа апостол ламтай болох аваас Бурандуй ноён хорин түмэн цэрэг өгч мазовец төөтоны загалмайтныг бут цохиход тусална гэж амлав. Жиглэг ингэж хэлснийхээ дараа шар сахалт захирагчийн нүднээс түүний тавих шаардлага талаар өнгөрч өмнө нь суугаа хүн гагцхүү санхүүгээр сүйрч байгаа рыцарь цэргээ сэргээж чадах аваас Болеслав ванг унагаж баяжиж хөлжихөө урьтал болгож байгааг ойлгов. Ромын апостол лам Иннекентийг өвөрмөц байр сууринаас Кракод хандуулах аястай болгож Мөнх хааны өвөрмөц шинжтэй тааллыг хүлээж бүх хойд талын эргийг эзэгнэн Галичаас татвар авах гэхчилэн хулчгар боловч их юманд санаархах хэт цэцэн үгсийг ой гутан сонсож хөндий хоосон хөвсрөгчийн төлөөнөө Дөштөмөр Керим хоёр хайран амиа зольсныг харамсан бодож буцахын түүс болов.

Түүнийг өглөө сэрэхэд хүйт даан зэвийсэн өрөөний сараалжин цонхоор нар тусаж байв. Цонхоор гадагш шагайвал модны сүүдэрт хэдэн хөөрхөн шар охид шулганан тоглож байгаа харагдав. Жиглэгийн цээжинд гэртээ харьж Нэмүүлэнтэйгээ гэрлэж ийм олон хөөрхөн охинтой болж гэрийн хаяанд тэдний шулганан тоглохыг сонсож суухсан гэдэг санаа гэнэт төрөв. Монголын их хаан бүх дэлхийг эзлэн дайн дажин дуусахад малчин ард бид энх тунх аж төрж цагаан сараар Дөштөмөр андындаа зочлон очиж залуу зандан насандаа харийн оронд зовж зүдэрч явснаа дурсаж хуучлан сууна даа гэж боддог байсан сэтгэлийн гүн дэх нэгэн мөрөөдөл хэзээ ч биелэгдэшгүй болсныг ойлгов. Дөштөмөрийг тийнхүү өрөвдөн уйлмаар завдаж хоолой нь зангирна. Одоохон Мешкогоос морь авч давхиад хороон дээрээ очиж Дөштөмөр нас барсан гэж хашгирч гашуудмаар болсон ч Бэхтөр Үлэгташ нар тоох юм уу даа хэмээн эргэлзэж, Дөштөмөр тэдний юу нь юм бэ, хар элгийн жалайр хүн үхэж тэнгэрт халиа л биз. Уулиранхай анд шиг мартагдаж элэх байлгүй гэж гуниглан бодов. Хань нөхдөөс одоо ах минь үлдлээ. Хайрт ах чи хөрст алтан дэлхийн альхан талд нь оймсоо элээж яваа бол? Бурхны явралаар бид уулзан учрах тавилантай болов уу. Нэгэн цагийн уулзварт сэргэлэн цэмцгэр Ойгонтойгоо та минь ханилж, Улаан чулууныхаа голд саахалт саахалтаар нүүдэллэн амьдрах хувьгүй гэж үү? Отчигон би голомтоо сахиж Нэмүүлэнтэйгээ хамжин эхийгээ тэтгэж сэтгэл өег явах юмсан. Эцгээс хойш зовох зүдрэхээс өөр юм үзээгүй гэр орноо засаж тэгшитгэх золгүй юм гэж үү! Нэмүүлэнтэйгээ мордож үдийн халуунаар боловч ахындаа бууж бэлчээр мал ярилцах үед зан сайтай Ойгон бэргэн идээ будааныхаа аль амттай сайнаас таваглан угтах болов уу, Ээж минь бидэнтэй мордоосой доо. Ээж минь Сабраг ахыг юу гэх бол? Уяан дээр буухдаа ахыг шоглож заавал нэг үг хэлнэ дээ гэж мөрөөдөн бодохдоо өөрийн эрхгүй инээмсэглэжээ. Бор тааран гэлэн хувцасаа углаж доош буухад гараа угааж сураагүй өнгөт нүдэтнүүд нойрмогдуу царайлан бишүүрхэнгүй түүнийг ширтэж ундалж суув. Ширээний голд мөнгөн цар дунд сэглэж мөлжсөн гахайн мах байв. Цадаж ханасан авхайцуул мах зулгаасан тостой гараараа шавар ваартай исгэлэн ундаа дамжуулан балгаж харагдана.

Жиглэг тэднийг алт мөнгөнд хэчнээн ч умбавч тансаг сайхан амьдарч чадахгүй улс юм гэж голсхийв. Тэгээд Мешко ноёны ид уу гэж дайлсан тавагтай махнаас идэж, ваартай ундаанаас нь нүд аньж хэд балгаж, явахаар өндийв. Мешко түүнд морь өгсөнгүй. Морьтой явбал Ионн Тимусийн гэлэнгүүд хар авч магад гэж шалтаг заажээ. Жиглэг Мешко захирагчийн морио харамласныг мэдэв. Тэртэй тэргүй өчигдөр түүнийг амдаж гүйсэн хоёр гэлэн Мешкогийн цайзны дэргэд алга болсон гэлэн хувцастай монгол цэргийг ийшээ орж хоргодсоныг аль хэдийн хамба ламд мэдээлж өдийд гудамжны булан бүрд гэгээн Мариягийн ах дүүс мааниа уншиж, хулгай нүдээр гудмаар зорчих бүхнийг тэмдэглэн зогсоо биз.

Жиглэг хэдэн мянган адуу авахаар их мөнгө авчихаад ганц муу морь илүүчилж чадахгүй байгаа Мешкогийн хомхой сэтгэлтэйд гайхасхийж дал мөрөө хавчин юу ч хэлэлгүй гэлэн хүний намбатай алхаагаар зам өгсөн Бешча тосгон орж монгол цэргийн хуарангаас морь олж авахаар зорив. Түүнийг Бешча тосгон хүрээгүй явахад харуулын цэргүүд дайралдаж хуаранд хүргэв. Хуучин танил тосгонд ирж сэтгэл сэргэсэн боловч Янко өвгөний овоохойг хараад Дөштөмөрийн чанга чанга хөхрөн Риткод хөөгдөн гүйх нь нүдэнд харагдах шиг болж өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэн шүдээ зуув. Янко өвгөнийд оров. Хоёр цэрэг сэлмээ зүлгэн хачин хэлээр ярилцаж суув. Жиглэг тэр хоёрын царайнаас нь ятвяг юм уу эсвэл орос гэж гадарлав. Нөгөө хоёр нь гэлэн хувцастай монгол царайг гайхан ажиглаж байтал Янко өвгөн цаад өрөөнөөс гарч ирэн магнай нь тэнийж,

-Жиглэг! Хөөе Мария Жиглэг ирлээ гэж дуу алдав. Жиглэг өөрийн эрхгүй инээмсэглэж,

-Сайн сууж байна уу? Янко өвөө! гэж түүнтэй золгов. Янко өвгөн Жиглэгийг цаад өрөөндөө оруулахад байшингийн харанхуй мухраас Ритко босож ирэв. Тэр үл мэдэг махалж улам үзэсгэлэнтэй болсноос өмгөр муу цонхоор биш Риткогийн царайнаас гэрэл цацрах мэт санагдав. Энэ хооронд өвгөний шуугианаар Мария авгай Миткотой хувинтай сүү дамжлан орж ирэв. Тэд Жиглэгийг таньж баярлан шулганалдаж дайлахаар хөл хөөрцөг болов.

Янко өвгөн зоориноосоо утсан мах авчирч талх зүсэж сүүтэгнэх завсар,

-Манай бусад хөвгүүд хаана явна вэ? Дөшгөмөр яагаад харагдахгүй байна? гэж асуув. Жиглэг уруу царайлан чимээгүй сууснаа,

-Дөштөмөр байхгүй. Их эзэн хаан Чингисийн ивээл дор очсон гэж хүрлийн хэлэхэд Янко өвгөн гүйцэд ойлгосонгүй.

-Нутаг буцсан уу? Дахиж ирэх болов уу? гэв. Жиглэг толгой сэгсэрч,

-Дахиж хэзээ ч ирэхгүй. Тэр тэнгэрт хальсан. Өчигдөр түүний толгойг дайснууд зад цохисон. Ай халаг! гэж хэлэв.

Янко өвгөн вандан дээр суун тусаж нэгийг бодов бололтой дуугаа хураав. Ритко яахаа мэдэхгүй Жиглэг эцэг хоёрыгоо ээлжлэн харснаа харанхуй мухар тийш гүйн одлоо.

Тэдний дүнсгэр байдлыг нялх хүүхдийн уйлах дуу эвдэв. Жиглэг цочиж харанхуй булан өөд ширтвэл хүүхдийн өлгий дүүжлээстэй байсныг анзаараагүй байжээ.

Янко өвгөн инээмсэглэж,

-Миний зээ. Полушка гэж толгой дохив.

Жиглэг тэр зүг хачирхан ширтэж Дөштөмөр насан эцэслэсэн ч түүний үр удам үлджээ. Хэрэв би үхсэн сэн бол миний удам гэж юу үлдэх билээ гэж санаж суув.

Янко өвгөнийхөөс гарахдаа хүүхдийн өлгийг өнгийж харахад эцэг эхээ дуурайсан хонгор үстэй нялх балчир хүүхэд уруулаа хөхөн унтаж харагдав. Харин нүд нь өнгөтэй эсэхийг мэдсэнгүй.

Жиглэг Хамза захирагчаас морь авч шөнөжин давхисаар Бурандуй ноёны шивээнд ирэхэд Бэхтөр унтаагүй хүлээж байлаа. Түүнийг мориноосоо буухад Бэхтөр түшин авч, ,

-Дөштөмөр Керим хоёр хаачсан бэ? гэж муу юм болсныг тааварласан өнгөтэй асуув.

-Шихихутаг ноёны туршуулуудтай дайралдаж хядуулчихлаа гэхэд,

-Юу гэнэ ээ? Чи чинь юу чалчина вэ. Хаана байна тэр хоёр? гэж мөрнөөс нь татаж сэгсрэв.

-Кракогийн «Алтан навч» буурчийн газар Юнгэр гэгчийн аравтын цэргүүд бидэнтэй таарч цөмийг хядав. Одоо хэр тэндээ хэвтээ биз гэв.

-Ээ хөх тэнгэр. Ямар үйлсгүй хүний үр вэ! гэж Бэхтөр сүүрс алдаж толгойгоо базан чулуун довжоон дээр лагхийтэл суулаа. Жиглэг Бэхтөрийг гайхан ажиглаж, Дөштөмөрийг нас барсан явдалд гашуудаж энэлснээ тэгтэл ил гаргалгүй дотроо нууж санаандгүй царайлж явсандаа ичих шиг болов. Бэхтөр хэсэг зуур энэлэн сууснаа шүлсээ залгиж,

-Алив Жиглэг чи орж амар. Би яваад зол муут хөөрхий дайчдын цогцсыг авч ирье гээд манааны цэргийг зарж, хорооныхноо босгож, шөнө дүлээр Крако орохоор хөдлөв.


Top
   
PostPosted: Oct.06.15 8:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
:wd: Гайхамшигтай зохиол шдээ оруулж байгаад маш их баярлалаа.Үргэлжлүүлээд оруулаад байгаарай. Уншиж байгаа шүү


Top
   
PostPosted: Oct.08.15 12:44 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван тавдугаар бүлэг

Цэцэг ногоо алаглаж, царцаа голио чих чийрлэн шаагиж, хэдгэнэ эрвээхий нисэж, болжмор шувуу жиргэнэ. Сабраг, Минсэл, Ойгон, Анхил зэрэг Баянлиг баатрын албатууд Хануй голын эх өөд мод бургастай уулын аманд хэдэн сайхан асар майхан босгож маргааш өдрийн хурим найрт бэлтгэж байв. Баянлиг баатар холын аянаас амьд мэнд буцаж ирсэн хүүдээ бэр буулгана гэж, түүний найз нөхөд аравт цэрэг хөл хөдөлгөөн болж хөөрцөглөж байгаа нь энэ. Тэд, Гетум хааныг Хархоринд хүрэлцэн ирэхэд Хаданчигай ноёны зарлигаар түр бууж нутаг усандаа ирж төрөл төрөгсөдтэйгөө учирч цаг алдаж хоцорсон амьдралынхаа аар саар явдлыг нэгэн адил амжуулж буй хэрэг.

Сабраг эхтэйгээ учирсны маргааш Дайжушилэгтийнд ирэхдээ Нэмуүлэнтэй дайралдаж үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болсныг үзэв. Хайрт эх, хонгор бүсгүйтэйгээ учирч сэтгэл тэнийсэн боловч санан санан зорьсон ганц дүү нь гэртээ эзгүй. Хааны агт хариулж яваад Нанайчуудад хорлогдож амь эрсдэн тэнгэрт хальсныг сонсоод хорсон гашуудсандаа гарч давхиад уулын модонд сууж, согоо гөрөөс цочтол енгэнэтэл уйлж, уйлж иржээ.

Саяхнаас Дайжушилэгтийг Жумагул хэмээх Найман аймгийн сурвалжит ноён Сүюнбайн хар нүдэн охиныг богтлон авч бүл нэмэх болоход дүүгээ мартагнан дуу шуу оров.

Дайжушилэгт Сабрагийг дуудаж, түүнийг хурим найрын бүх юмыг базаахыг захив. Абагахирилтуг, Жамган, Аргай нарт хуримын цуваа зохион байгуулахыг даалгав.

Сабраг асар майхан хэсэж мах шөл, айраг цагаа, архи дарс бэлэн эсэхийг магадлав. Модны сүүдэрт хонины гэдэс арилгаж байгаа хэсэг эмс дээр ирэв.

Тэдний дэргэд Минжүүр дээлээ сугалдрагалан сууж ам мэдэн хөөрнө.

-..Бид ч харваад байдаг. Нөгөө арслан амьд үхсэн нь мэдэгдэхгүй хэвтээд байх юм гэж яриад Сабрагийг харж,

-Сабраг чи санаж байна уу? гэв.

-Юу тэр вэ?

-Яагаа вэ. Нөгөөх Нэмэх нуурын эрэгт арслан намнахад хэн очиж өвчлөө? гэв. Анхил яриа чагнан хонины гэдэс шувтран сууснаа Сабрагийг сая анзаарч,

-Сабраг суугаач. Юм ярь л даа. Сонин юм сонсох зугаатай шүү гэж хэлэв. Сабраг тэдний дэргэд зулгэн дээр сууж,

-Ай бүү мэд. Лав л чи бишдэг. Чи Тайширын ар хударгаар суугаад байсан шүү дээ гэхэд Минжүүр хөхөрч,

-За тэр, худал ярилаа! Би тугаар саналаа. Жутаа очиж өвчсөн шүү дээ. Би Жутаагийн араас явсан юм. Ямар ч гэсэн босоод ирж магад гээд сэлмээ зэхэн дөхөөд байлаа. Очоод хатгаад үзсэн хөдөлдөггүй. Тэгэхдээ амьсгаатай юм шиг. Бариад үзсэн бүлээхэн. Тэгээд харсан чинь Жутаа нөгөө талаас нь өвчөөд эхэлчихсэн сууж билээ гэхэд Сабраг,

-Дараа нь өвчсөн арьсаа үзсэн чинь бүр шүүрэн шанага шиг цоорчихсон байсан. Гурганд арай гэж хагас мөнгөн зоосоор арилжиж билээ гэж ярихад Анхил дотроо баярлан түүнийг дахин гунихруулахгүйг хичээж,

-Сабраг чиний явсан газар мөн л багваахай цэцэг ургаж, хонгор зул найгаж байдаг уу? гэж асууваас тэр инээмсэглэж,

-Гэнэхэн хөөрхөн ааштай Анхил минь, миний явсан газар багваахай цэцэг байсан үгүйг санахгүй юм. Харин Килиг Гүржүүдийн нутагт шивээ найгаж төрсөн нутгийг минь санагдуулж байж билээ. Та нарыгаа санаж явахдаа хонхон цэцэг харж Ойгон та нарыг дурсаж, башига цэцэг үзэж ээжийгээ дурсаж явлаа. Нутгаа санаж гайхахдаа уулын орой хардаг байлаа гэхэд Анхил тэссэнгүй,

-Чи бэр цэцэг үзвэл хэнийг дурсах байсан бэ? гээд хэлээд тавьчихав. Сабраг цочиж Анхилыг сүрхий харснаа,

-Бэр цэцэг тэнд ургадаггүй юм. Тэнд халуун элс, хад асга, цагаан хөөст горхи, мөнх ногоон ой байдаг юм даа. Чи цэгцүүхий үзээгүй байх. Яг л сарнай шиг гэхэд Анхилын нүд сэргэж,

-Би үзсэн. Өрмөгт ноёдын цэцэрлэгт ургадаг даль шиг ягаан цэцэгтэй бургас мөн биз дээ. Өвөл дулаалаад их ордонд оруулдаг юм гэж өгүүлэхэд Сабраг,

-Бас тэндхийн уул хаданд чулуун хороо босгож амьдардаг улсууд байдаг. Тэд төрснөөс хойш цамц ер өмсөж үзээгүй, нүцгэн биедээ дээлээ нөмөрчихдөг юм гэхэд тэдний яриаг чагнаж суусан Солонго хэмээх шооч аргагүй онигор нүдтэй өсөх тусмаа үзэсгэлэнт бүсгүйн төрх сууж яваа охин инээд алдаж,

-Манай хоньч ахайн мал малладаг сармат бүсгүй бас цамц өмсдөггүй шүү дээ гэж хэлэв. Анхил Солонгыг ширүүн харж,

-Амтай гэдэг нь, дэггүй үг бүү ярь! Ичдэг ч болоосой гэж хурдан хэлээд хонины гэдсээ цэвэрлэхээр тонгойв. Сабраг уулын хяр дахь хадан цохион дээр сууж холын бараа харж суугаа Бордойг зэрвэс хармагц, цагаан эсгий дэвсэж, ширээ засаж байгаа улаан халзтай гэрийн өмнөх ширгийг зүглэн алхав.

Түүнийг дөхөж очиход гол цар тавагт ууц гаргаж хэдэн хүн хөлсөө гоожуулан бөгтөгнөнө. Тэдний цаана Нэмуүлэнгийн хонгор үс үзэгдэх шиг болов. Тэр зүг чиглэн өвс ногоон дундуур сэм алхан ойртов. Нэмуүлэн цааш харан Мөнхлүгэн эхэд хамжин ширээ засаж байв. Түүний нарийхан бэлхүүс, гоолиг нуруу Хануй голын бургас шиг туялзаж сэтгэл татам уян харагдана.

Нэмүүлэн ээж хоёр нь тавагтай боовоо өрөм бяслаг тэргүүтнээр чимж өөр хоорондоо ийн ярилцана.

- Мэнхлүгэн ажаа гол дунд нь илжгэн чих тавьчих уу?

- Илжгэн чих, ааруул хурууд дунд ялгарахгүй ээ. Чавга, чангаанзнаас өр. Май энэ байна.

- Мөнхлүгэн ажаа! Шилэгт ахын гэргий болох охин гэрээ санаж уйдна байх даа.

- Бүсгүй хүний заяа юм хойнодоо яая гэх вэ. Найман аймаг хацар гоо хатдаараа гайхуулдаг юм. Хөөрхөн бэртэй болно доо гэж хэлээд инээмсэглэв.

- Ээж одоо хэр ор дэр бэлдээд дуусахгүй юм гэж хэлээд өөд харснаа Сабрагийг үзэж баярласан боловч Мөнхлүгэн эхээс эмээсхийж,

- Өө Сабраг ирлээ. Алив энэ жимс тавилцаад өгөөч гэж гуйв. Сабраг Нэмүүлэнгээс тавагтай жимс авахдаа санамсаргүй хуруунд нь хүрэв. Сабраг цочиж Нэмүүлэнг хартал залуу бүсгүй яагаа ч үгүй юм шиг аяга авахаар цааш эргэв.

Үд өнгөрч байхад бэр буулгасан хүмүүсийн цуваа шугуй дундаас гарч ирлээ. Дайжушилэгт хөх торгон тэрлэг өмсөж, ягаан цайвар уужтай, шүр сувдан сүйх унжуулж боготго[Богтлогдсон бүсгүй өмсдөг өндөр малгай] малгай духдуулж гангалсан залуу бүсгүйг хөтөлж голын ус цацруулан гарам гарч цогиулна. Баянлиг баатар, түүний хиа, тайганаас гадна, Абагархирилтуг, Аргай тэргүүтэн өвч хуяглан зэвсэглэж, сүр бадруулсан залуу хөвгүүд омголон хүлгээ тогтоож цөхөн тонгочуулан ойртов. Гэрийн гадаа бэлдсэн дарьт бундаг нир нирхийх дуунаар морь мал үргэх ба сүрдсэн эмс охид дуу алдана. Өтгөс буурлууд цагаан эсгий захлан эгнэж намбатайяа тосон хурайлцгаана. Дайжушилэгт ирэхэд Тайшир Сабраг хоёр урагшлан дөхөж хөнгөхөн биетэй үзэсгэлэнтэй бүсгүйг түшиж буулгав.

Хурим найрын ёс төр гүйцэлдэж, аажмаар архи сархдад халсан олны цэнгээ наадам ихэслээ. Орой тийшээ дуу хуур эгшиглэж, хээр талын улаа бутарсан царайтай нүүдэлчин малчид айраг цагаа ууж сэтгэл тэнийн баясаж, энх амгалан хөөрөлдөж, дэвэн дэлхийн сониныг хуваалцаж, энэ тэр харийн орны жам ёс, хэв заншлыг гайхан хэлэлцэж суув. Сабраг хоол ундны байдлыг зохицуулан, жаргаж байгаа нарыг ширтэж зогссоноо голын эрэг уруу явахад хойноос нэг хүн дуудав.

Эргэж харвал Нэмүүлэн жүнзтэй дарс бариад зогсож байв. Шингэх нарны улбар шар туяанд түүний цэвэрхэн магнай хонгор үс нь наран сөрөг очтон гэрэлтэж үзэгдэнэ.

-Сабраг ах! Та тавтай сууж идээ шүүс хүртээч! гэхэд Сабраг юу хэлэхээ мэдэхгүй ангайн зогсож уруулаа хий долоов. Нэмүүлэн түүнд дөхөж,

-Та дарс уух уу? Би балгаж чадахгүй юм гэж буруугаа хүлээх мэт өгүүлэхэд Сабраг хаш хундагатайгий нь тосоод авч нэг амьсгаагаар балгав. Суларсан хундагыг хааш хийх учраа олохгүй тээнэгэлзэв. Нэмүүлэн бас дуугүй зогсоно. Сабраг санаа авч,

-Голын эрэгт очиж сууя гээд уяатай морьдын дэргэдүүр алхав. Нэмүүлэн дагав. Тэр хоёр зөөлөн ултай сармай гутлаараа зүлэг ширгэн дээгүүр алхаж голын хайрга чиглэв.

-Бургасны цаанаас наргиж цэнгэсэн хүмүүсийн дуулах хуурдах, инээж ханиах сонстоно. Наранд халж булээссэн хайрган дээр суусан хоёр залуу юу ярихаа мэдэхгүй тулгамдасхийн хэсэг байв. Усны цүнхэлд хааяа хааяа загас үсрэхэд жижиг, цагираг үүссэнээ тэлж замхарна. Сабраг чимээгүй байдлыгэвдэж,

- Загас үсэрч байна гэж хэлэв. Нэмүүлэн ус ширтэж байснаа,

- Яагаад усны цагираг усан дээрээ тогтдоггүй юм бол? Яагаад цаг хоног усны урсгал шиг урсаж байдаг юм бол? Одоо Шилэгт ах гэргийтэй боллоо. Удахгүй дахиад л харийн оронд морилно гэж гайхан харамсангуй өгүүлэв. Сабраг тал өгөн инээмсэглэн ширтэж,

-Яагаад гэвэл газар хэвгий учир ус урсана. Харин цаг хугацаа яагаад өнгөрдгийг би мэдэхгүй. Хөх тэнгэрийн зориг биз хэмээн шоглон өгүүлэв.

Нэмүүлэн бодолд автан дуугүй суув. Сабраг цааш юу ярихаа мэдэхгүй чимээгүй сууснаа гэнэт Нэмүүлэнгийн өгсөн алчуурыг санаж өвреөсөө нямбай эвхсэн ягаан пансан алчуур гаргаж дэлгэв. Нэмүүлэн учрыг нь олоогүй бололтой тэр алчуурыг гайхан ширтэхэд,

-Морин жил Румыг байлдаар намайг мордоход чиний өгсөн алчуур гэж хэлээд инээмсэглэв. Нэмүүлэн алчуураа таньж царай улайлган ичингүйрхэв. Сабраг үргэлжлүүлж - Чи тэгэхэд бага байждээ гэв. Залуу бүсгүй Сабрагийг алчуураа далд хийх зуур,

- Чи бас Шилэгт ахтай мордох уу? гэж асуув.

- Тийм хэмээн Сабраг толгой дохив.

- Мордохгүй хоцорч болохгүй юу? Харь оронд явах юу нь сайхан юм бэ! гэхэд Сабраг Нэмүүлэнгийн гарыг илж,

- Явмааргүй л байна. Үүрд энэ голын эрэг дээр сууж нар жаргахыг үзэж баймаарсан. Гэвч хааны зарлиг, тэнгэрийн зориг мөн билээ хэмээн өгүүлээд Нэмүүлэнгийн мөрнөөс татав. Залуу бүсгүй дагжих мэт чичрээд Сабрагийн мөрөнд духаа наав. Тэр хоёр нэг нэгийгээ зөөлхен түшиж энхриймсэг суухад бургасны цаанаас түүдэг галын гэрэл улс, улс тусаж бүжиглэн хатирагч олны шигшрэг шир шир хэмээн сонстож байлаа.

Хаданчигай ноёны мянгатын дайчид нутаг усандаа таран одож, зун өнжин амарч, адуу малаа маллаж, төсөөрч гүйцсэн амьдралдаа дахин дасаж, саяхан харь оронд дайтан нанчилдаж явсныгаа мартагнаж байв. Монголын их гүрэнд Алтан улс, Хорезм, Түрэг сельжук, Киев, Галич, Мажар, Польш, Армен, Солонгос, Кашмир мэт олон олон улс нутаг нэгдэж нэг захаас нь нөгөө зах хүрье гэвэл хэдэн өдөр сар явавч амжимгүй болсон ч бүх дэлхий Мөнх хааны мэдэлд ороогүй байлаа. Баруун зүгт франкийн Галл, Вавилоны арабууд, өмнө зүгт Сүн улс дэнжигнэн тогтсоор байв.

Мөнх хаан монголчуудад амласан ёсоор албан татварыг хөнгөлж зарим ядуу ардын уртын амжиргааг бодож хөгшид настанг элдэв албанаас чөлөөлөв. Тэр байтугай улсын мөнгөн зоосыг шинэчилж хамаг монголд ханш ижил гүйлгээтэй «шударга, аугаа их» хэмээх зоос бий болгожээ.

Бүх дэлхийг эзэлж авсан цагт дайн дажин зогсож, хүн мал нутаг усандаа амгалан тайван амьдарч, худалдаачин номхон иргэд өөрийн шударга хөдөлмөрөөр олсон эд бараагаа дуртай газраа аймшиггүй зорчин наймаалж, хаад ноёд, даргач, жанжин, мелик, эмир сениор, коназ[газар газрын ноёдыг хэлж байна] нараа тэжээн тэтгэж амар сайхандаа жаргах цаг удахгүй ирэхийг зөгнөж байв. Энэ бол бүх дэлхийн ноёдууд агуу их Мөнх хааны тугийн доор эвтэй найртай орчиж, түүний ард иргэд нь эзэн ноёндоо шударга үнэнч зүтгэх энхжингийн цаг цохих үе хүн төрөлхтний олон жилийн түүхийн хөгжлийн замд анх бодитойгоор биелэгдэх мөч хөх тэнгэрийн ивгээлээр сая тулж ирээд байгаа нь тэр байв.

Эзэн хааны сайд, дархад, цэргийн зүтгэлтнүүд энэхүү эрдэнэт мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ухаан бодол, эрдэм юугаа зориулж хөрст алтан дэлхийн өнцөг буланд үлдэж хоцорсон жижиг дорой улсуудыг хэмхлэн хамхчин цадахгүй ходоодныхоо ёроолд шидлэхээр бэлдэж байв.

Хархорины Наран гэрэлт ордонд манлай чинсан Булгай захирагчийн удирдлага доор дайны төлөвлөгөө боловсрогдож Зүрчидэд Махмуд Ялавач, Хорезмд Масуд бег, Иранд Аргун, Кипчагийн талд Бат хаанаар дамжин аюулт төлөвлөгөөг үнэн хэрэг болгох хүчит хөдөлгүүр нэгэнт эрчээ авсан байжээ. Энэ тухай залуу хөвгүүд мэдээгүй боловч ямар нэгэн энтэй үйл явдал үүдэхийг дотоод сэтгэлээрээ мэдэрч байв.

Маргааш өглөө Сабраг сугсар, тэмээн шээг ургаж зам хаасан голын эргийн асга хадыг морио хөтлөн тойрч, үхрийн жимээр хатируулсаар наран тусах хавцгайд гарч ирвэл Нэмүүлэн модны сүүдэрт морио хөтлөн сууж харагдав. Сабраг хайрт амрагтаа яарч газрын өөд морио даврин давхин очив. Нэмүүлэн баяртай инээмсэглэж өөдөөс нь угтан босов. Хоёр залуугийн болзсон газар эл хуль. Гагцхүү эрвээхий, хэдгэнэ нааш цааш цэцэг дамжин ниснэ. Сабраг мориноосоо үсрэн бууж Нэмүүлэнг чанга тэврэн өргөхөд түүний буурал хээр үргэн хуйсганав. Тэр хоёр морио хантайран тушиж орхиод зөөлөн хөвдөн дээр сууж тэртээд могойчлон урсах голын хөндий, түүний цаана хөхрөн чичивгэнэх номин эрдэнийн өнгөт уулыг үзэн сэтгэл дэнслэн хөөрч нэг нэгийн залуу чийрэг бие, үзэсгэлэн төгс зүс царайг шохоорхон ширтэв.

- Хонгор хайрт минь би ямар их догдлон хүлээв! гэж баяртайгаар дуу алдав. Сабраг Нэмүүлэнгийн гарыг атгаж,

— Би бас чинийхээ дэргэд тэмүүлэн ирлээ. Харцага шувуу байсан бол мориноосоо халиад нисчих дөхлөө гэж инээвхийлнэ.

Тэр хоёр энэ тэрхнийг бодолхийлэн ярилцан сууснаа,

— Юм юм хурдан хувирах юм. Тэртээд харагдах үүл хол юм шиг байвч нэг мэдэхэд салхинд хөөгдөн бидний дээгүүр өнгөрөн явна хэмээн мишээлдэв.

— Шилэгт ахын гэргий хадамд гарах нь хэмээн гиюүрэн гуниглаж байсан бус уу. Одоо Шилэгт ахаас үлдэж хоцорно хэмээн айн түгших болно доо гэхэд Сабраг ташуураараа оролдож,

— Тийм ээ. Юм хурдан өнгөрч байна хэмээн зөвшөөрч — Хүүхэд ахуйд өдөр барагдахгүй урт санагддагсан. Бид танай чингэлэг тэрэг, адуун зэлэнд нуугдаж тоглодог байж билээ гэж хэлээд бас л инээвхийлэв.

— Тийм ээ, нээрээн их сайхан байж билээ. Тэгэхэд бид нэг нэгээсээ салаад явчихна гэж айдаггүй. Салж нүүсэн ч саахалтаас холддоггүй мөн ч сайхансан. Одоо та нар хүйтэнд хөөгдөх нүүдлийн шувуу адил газрын мухар уруу орж сураггүй алга болох болжээ. Би өглөө бүр онгон сахиусандаа мөргөж чамайг битгий салган авч одооч гэж хүсэн наманчилна гэхэд Сабраг түүнийг зөөлхөн тэвэрч,

— Эр хүний хэрэг зориг тиймсэн хойно, явах л болно доо. Гэвч одоо тэр тухай бодоод яах вэ. Яагаа вэ нөгөө Хандрам сэчиний шүлэг байдаг шүү дээ.

Навч цэцэг хогжрон унахыг цагийг үзэхгүй

Янаглан дэлбээлэх үүрд мөнхийн хайрыг хүснэм

Нарлаг талын цайран будрах эргэлтийг умартан

Наргин цэнгэх жаргалыг хүснэм ,

гэж эртний монголын гүн ухааны шүлгээс уншихад Нэмүүлэн Сабрагийн мөрөнд хацраа нааж,

— Тийм хурдан өнгөрөх мөнхийн дурлал гэж байдаг юм уу? Хандрам сэчиний шүлэг дандаа битүү утгатай байдаг юм. Би тэрнээс нь сүүлдээ залхлаа. Харин арабын Омар Фаридын шүлэгт,

Чи минь алсад одсон ч сэтгэлийн илчтэй

Чин сэтгэлийн гал чинь тэтгээтэй

Наран сарнаар дамжиж надад золгоно уу?

Нойр зүүдэнд минь эргэн ирнэ үү!

гэж гардаг шүү дээ гэв. Сабраг түүний талимаахан нүдийг ширтэж.

— Чи намайг хаана ч явсан хайрлан санах уу? гэхэд,

— Хаана ч явсан, эргэж иртэл чинь хүлээж сууна, Би чиний гэргий болох, болохгүй хамаагүй. Би ганцхан чамайг хүлээн сууна хэмээв.

— Хоёул одоо манайд очъё. Би ээждээ хэлье. Чамайг Баянлиг баатраас гуйя. Аав чинь зөвшөөрөх болов уу? гэж баахан сэтгэл хөдлөхийн зэрэгцээ тээнэгэлзэнгүй өгүүлэв. Нэмүүлэн хөхөрч

- Дайснаа өвдөг сөхрүүлэн ялсан дайчин эр мөртөө ямар зүрх зориггүй үг хэлнэ вэ гэхэд энэ дэлхий цөмөрсөн ч өөрийг нь гэсэн сэтгэлээ чанд барина гэж эм хүн андгайлж байхад туулай зүрх гаргасандаа Сабраг ичиж,

- Би маргааш морин цагт танайд очъё. Аав ээжийгээ байлгахыг бодоорой гэж захив.

Тэр хоёр ийнхүү элдвийг ярьж нар дээр хөөргөв. Гэр гэрийн зүг мордов. Маргааш үд дөхөж байхад Сабраг, авга ах Хонхдой өвгөн, мөн аравтын нөхдөөс Жамган, Минжүүр нарыг дагуулан Баянлиг баатрынд ирэв.

Сабраг мориноос бууж ёс журам гүйцэтгэн Баянлиг баатрын их өргөөнд орохоор намбатай алхахад Дайжушилэгт гайхсан царайтай гэрээс цухуйж,

- Сабраг аа! Жамган! Манайх энэ шүү дээ, нааш ор! гэж дуудав. Сабраг зовсондоо Дайжушилэгтийн шинэ барьсан гэрийн үүд чиглэмээр аядтал Хонхдой өвгөн бүснээс нь татаж тэр дөрөв Баянлиг баатрын том цагаан өргөөнд орлоо.

Хонхдой өвгөн мушгиа сахлаа ихэмсгээр засаж Баянлиг баатрын амгаланг айлтгаж, мэнд ус солилцоод тухлан суув. Хонхдой өвгөн хадаг дэлгэж,

-Буга намнаач нь манайд, булга зүйгээч нь танайд юмсанжээ. Хоёр сэтгэлтнийг нийлүүлж тоонот гэрт дэр нийлүүлж, тогоотой шөлөнд хошуу холбуулах дээд тэнгэрийн зурагтай юм. Хүслээр болгоно уу? гэж хэлээд өвгөн баатарт хадаг юугаан барив.

Нөхдийгөө гэрээр нь ороогүйд гайхсан байртай Дайжушилэгт гаднаас дагаж ирэв. Хонхдой өвгөний үгийг сонсоод өөрийн эрхгүй инээд алдаж,

-Хэн тэр вэ? Буга намнаач нь Сабраг юм уу. Сабрагийг миний хүргэн болно гэж зүүдэлсэн ч үгүй. Тэгээд манай энэ Нэмүүлэнг гуйж байгаа юм уу? Ажил төрөл мэдэхгүй танхи охиныг уу? Бүтэхгүй болов уу даа гэв. Баянлиг баатар хөмсөг зангидан Дайжушилэгт өөд уцаарлангуй ширэв татаж,

-Цөг! Эцгийеэ түрүү! гэж зандрав. Дайжушилэгт амаа хамхив. Баянлиг баатар хадгийг авч,

-Бум түм гуйлгах эрхэм бэр буурал болоход ганцаар үлдэнэ. Ганц хоёр гуйлгах, дөхөм бэр гансарч гологдсоор насыг барна. За яах вэ. Цаг төр өөр болж, Сабраг хүүг би бага балчраас мэдэх билээ. Миний хүү Шилэгтэй хүчин зүтгэсэн үйлс хэргээс хүргэний чадлыг таньсан билээ. Алив Налайган Нэмүүлэнг олж ир гэж хэллээ.

Нэмүүлэн хатавчинд ичингүйрэн зогсож юу хэлэхээ мэдэхгүй бөмбөлзөн байхад Жамган хөөрөхийн ихээр хөөрч Сабрагийн араас байн байн нударна. Хонхдой өвгөн Нэмүүлэн охиныг тааламжтай ажиглаж, Баянлиг баатартай яриа хөөрөө дэлгэж хэдийд ямар өдөр цагт бэр буулгах, инж хувь нь юу юу болох тухай ярианы далимд тохирцгоов.

Тэднийг гарахад Данжушилэгт гэртээ ор гэсэнд Сабраг, Минжүүр, Жамган нар Дайжушилэгтийнд үлдэв.

Удаж төдөлгүй. Сабрагийнх гэдэг өрх айл бий болов. Залуу хосууд төрсөн нутаг, унасан голынхоо сайхныг гайхан, ангир шувуу ангаахайгаа бойжуулахыг өхөөрдөн, намрын налгар цагт жаргалын дээдийг амсан суух үест Хаданчигай ноёны зарлиг бууж, цэрэг цуглаж, эмс охидыг голыг харлууллаа.

Орхоны хөндийд байрласан Хаданчигай ноёны мянгатыг дахин задалж шинэ түмтэд хуваариллаа. Сабраг, Жужаа, Минсэл нар зуутын дарга дэвшив. Аргай Бордой нар аравтын дарга болов. Тэднийг Мөнх хааны дүү Хулагуу хаантай Вавилоныг байлдан дагуулах түмтэд багтаав.

Жамган, Дайжушилэгт, Абагахирилтуг нарыг Сүн улсыг дайлах Тугачар жанжны зүүн гарын манлайн түмтэд зуутын даргаар тохоожээ. Тайшир, Минжүүр нар Мөнх хаантай морилох баруун гарын нударганд шаагдсан байв.

Сабраг залуу гэргийгээ орхиж аян дайнд мордохдоо шүд зуун сэтгэлээ барьж, цагаа олж баруун зүгт морилох болсон Хулагуу хааныг дотроо буруутган тэнгэр бурхны ивээх үйлсгүйд гоморхон хувь тавиланг нь тэтгэхийг мөргөж байтал ашгүй зарлиг бууж Хулагуу хааны түмтүүдийн дарангуйлагчаас дээш тушаалын дарга нарт гэргийгээ авч явахыг зөвшөөрөв.

Уйтгарлаж гунигласан Дайжушилэгтэд очиж Нэмүүлэнг авч явах болсныг баяртайгаар дуулгаж өөрийн эрхгүй сайн нөхөртөө атаархал төрүүлэх боловч сэтгэлээ барьж дийлэхгүй байв.

Нэмүүлэн эр нөхрөө дагаж явах болсондоо баярлах авч эх эцэг, элгэн саднаа орхин харийн зэрлэг оронд одох болсондоо тээнэгэлзэн түмэн бодолд автан уймарна. Гэвч Сабрагтай явахад ямар ч аюул зовлон, ямарч хорт мангас түүнд аюулгүй мэт санагдаж залуугийн халуун сэтгэлдээ автан эр нөхрөө даган Иран нутагт явахаар шийджээ.


Top
   
PostPosted: Oct.08.15 12:50 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван зургадугаар бүлэг

Цас орж байлаа. Хөвөн шиг нэвсийсэн цас залхуутайяа газар унана. Жалганд тушаатай хоёр морь бууралтан цантана. Жалгын мухарт хуяг дуулган дээгүүрээ юүдэн цув нөмөрсөн грек залуу Жиглэгийн хуягийг тайчиж дээлийн нь сугалдаргалан зүүн мөрөн тус газар ангайтал цавчигдсан шархыг нь боож байв.

Мистас бол Дөштөмөр Керим нарыг алагдсаны дараа Латины император Балдуинаас Бурандуй ноёнд цэрэг туслах хэлэлцээр ёсоор жил бүр нийлүүлдэг грекчүүдийн нэг юм. Түүний эцэг албат ард олонтой грек нутгийн нөлөө ихт сурвалжит ноён явжээ. Загалмайтнууд Византийн гүрнийг сүйтгэх үед тэр ноён эрсдэж Мистас хүү балчир насандаа өнчирөн хоцорчээ. Түүний турьгүй биеийг Альякмон нутгийг дарангуйлан суух Шомон де Ронжамб хэмээх харгис сениор өлбөрүүлэхээс наагуур амийг нь зогоож, хар бор ажилдаа зүтгүүлж, хөлс хөдөлмөрийг нь ихэд сорж байв. Хүү өсөж эрийн цээнд хүрэхэд удам судраараа угсаа сурвалж сайтай тул нутгийн ард түмний дунд нэр нөлөө олж магад хэмээн болгоомжилж загалмайтны булаан эзлэгчдээс Бурандуй ноёнд нийлүүлдэг таншуул[гадны цэрэг] цэрэгт илгээсэн байжээ.

Мистас бамбай дотроо хөвөнтэй хүрмийнхээ ханцуйг галдан шатаагаад үнсийг нь шархан дээр нь тавьж болгоомжгой боов. Жиглэг цус их алдсанаас царай нь зэвхий дааж, үе үе ухаан алдаж сэргэхээрээ ёолно. Мистас шархыг нь боож дуусаад дээлийг нь мөрөн дээгүүр нь хөнгөхөн нөмөргөв. Өөрөө жалганы ирмэг өөд мөлхөж холын бараа ширтэв. Эргэн тойрон торойх юмгүй цасанд даруулсан нуга үргэлжилнэ. Тэр хоёрыг мөшгин хөөсөн марк граф Вилкенштейний цэргүүд цасанд бүдгэрсэн мөр үзэхээ больж буцсан бололтой.

Хэд хоногийн өмнө Бурандуй ноёны тагнуулын хорооноос Жиглэгийг Бат хаанд бут цохиулж дайны талбарт амь үрэгдсэн Генрихийн ач Кинд ноёны тайж баатрууд ба Богемийн Оттокарь ноёнтон нийлэхээр бэлдэж байгаа цэргийн хүчийг тгагнуулахаар Эльб гол дахь Мейсен хот уруу илгээжээ. Жиглэг, Мистастай хамт герман хэл мэдэх Скиргайло хэмээх литв залуу, Олгерд хэмээх ятвяг залууг авч балар ширэнгэ дамжин өрнө зүг аялан явжээ. Тагнуулчид Мейсен хотын дэргэдэх царсан ойд орогнож Эльб голын хөндийд шивээлэн буусан Оттокарь ноёны тайж баатруудын тоог авч гал хөсгуй хөлдүүс болохын наана хэд хонотол ашгүй Марк граф Валкенштейний удирдсан герман цэргүүд ирж нийлэв.

Жиглэг, Олгерд Скиргайло хоёрыг гол уруудуулан тохойн цаадтайх цэргүудийн тоог авахуулахаар явуулж өөрөө Мистастай Марк графын цэргийн хүрээнд ойртов.

Германчууд гал түлж, мах шарж шуугилдацгааж байлаа. Явган цэргүүд урагдаж элэгдсэн гутлаа янзалж урт хөлөө жийн бөгцөгнөн суухад, дархны газар алх дөш хангинаж, морины тах хадаж улайсгасан төмрийн хиншүү ханхийж утаа хярвас үнэртэнэ. Германчуудын байрласан цэргийн хүрээний дээгүүр Мейсен хотын сүм хийдийн шовх орой далдуу модны түгэл дундаас цухуйж үзэгдэнэ. Жиглэг Мистас хоёр цэрэг хөсгийн тоог нүдэн баримжаагаар авч царсан ойд эргэж ирэхэд Олгерд Скиргайло хоёр хэзээний ирээд бутны ёроолд хэвтэж байв.

Олгерд Жиглэгийг үзэнгүүт ухасхийн угтан босож,

-Даргаа! Бид хоёр модонд тэнэж явсан нэг загалмайтныг цааш харуулчихлаа гэж нүдээ цавчлан хэлэв. Жиглэг хөмсөг зангидан,

-Ямар хэрэгтэй гэж тэр вэ? гэж зэмлэнгүй дуугарахад Олгерд яльгуй тээнэгэлзэж,

-Энэ дэлхий нэг ширхэг германаар хорогдоход та юунд харамсана вэ? Бурхан тэднийг буруу бүтээсэн учир одоо тэднийг хороогоод л байхаас өөр замгүй болжээ гэхэд Жиглэг тэр залууг ухааруулж дийлэхгүйгээ мэдэж гараараа яршиглан дохиод,

-Ядаж үг хэл асуухгүй дээ гэж урамгүй өгүүлэв. Скиргайлогийн царайд хорлонтой үрчлээ тодорч,

-Эдний төмөр толгой юугаар ч дэлдүүлсэн барагтай бол гэмтэх биш дээ. Годилоор гавлыг нь дуулгандаа шигдтэл дэлдээд байхад ухаан тавиагүй байсан шүү. Амь нь ууцандаа юм болов уу. Жаахан сүрдүүлсэн чинь тугалга шиг хайлаад л хамгаа дэлгэлээ. Харамсалтай нь гол зүйлээ хэлж амжилгүй амьсгал хураасандаа гэж хажуугаас нэмэрлэв. Жиглэг өнгөт нүдтэнгүүдийн толгойд юу байгааг ойлгож ядан гайхаж элэнцгэндээ сайрхдаг эр вэ? гэж. бодоод

- Хамгийн гол гэж юу яриад байна гэж уцаарлахад Скиргайло буруугаа хүлээх мэт бэмбэгнэн мөрөө хавчиж,

-Харин мэдсэнгүй. Түүнийгээ л хэлж амжсангүй. Марк граф Вилкенштейн урчуудаар биднийг л дор нь хуйхлаад өгөх оньс бүтээсэн гэсэн. Тэргэн дээр бүтээлэгтэй байгаа юм гэнэ гэв. Жиглэг болгоомжлон давхийж «Арай дарьт бундаг хийчихсэн биш биз дээ. Эд нар тэгэх болоогүй, эрт шиг санагдах юм» хэмээн бодолхийлснээ,

-Бүтээлэгтэй тэргэнд гэнэ ээ? За тэгвэл одоо жаахан амраад шөнө дүлээр шивээг тагнаж тэр бүтээлэгтэй юмны учрыг олоод буцах тийшээ хандъя гээд чөдөртэй мориндоо очиж богцоо уудлав. Борц тос гаргаж хуурайгаар нь хүлхэж амсхийв.

Бүрэнхий болоход мордож цасан хунгарт цөмрөн мунгинаж Марк графын шивээний зүг одов.

Туулайн бөөрний жижиг төгөлд морио нуугаад элс цас умбаруулан гишгэлсээр цэргийн шивээний ойролцоох цагаан чулуун дунд ургасан бутанд очиж хэвтэв. Харанхуйд германуудын шивээнээс дуулж хуурдах, харааж хэрэлдэх, инээж ханиах бүдэг дуулдана. Цасан дээр энд тэнд бүрийж байснаа займчин хөдлөх дүрс бол шөнийн харуулд гарсан цэрэг мөн нь гарцаагүй. Жиглэг Скиргайлоог тэндээ орхиж, хоёр цэргээ дагуулан шивээ тийш мөлхөв. Захын манаанд дөхөж очиход дэвхрэг харгих мэт бүдэг чимээ дуулдана. Тэр нь нимгэн хувцастай харуулын цэрэг хүйтэнд чичирхэд хуягных нь татуурганы үзүүрт бэхэлсэн төмөр хошуу санжин дуугарч байгаа нь тэр болой. Даарч бээрсэн цэрэг цасан дундаас гэнэт босож ирсэн улсуудыг гайхан харж,

-Зогс! Хэн бэ? хэмээн уруул амаа эвлүүлж ядан дуугарав. Олгерд аяархан,

-Бид байна. Мейнсен орж гахайн мах эргүүлдээд буцаж явна хэмээн залирхаг байдал үзүүлэн инээд алдахад ходоод хоржигнож даарч тух алдсан хөөрхий цэргийн дуу зөөлөрч,

-Хаашаа ч гарч болохгүй гэсэн Марк графын тушаал байхад хэзээ амжаад гараад алга болчихсон гайхлууд вэ? Гаврийл бурханд ниргүүлмэрүүд! Бушуухан орцгоо хэмээн зандарч жадныхаа үзүүрийг өлийлгөв. Олгерд ухасхийн дөхөж хүзүүнд нь цалам углаж амжив,

Заяа муут бээрэнгэ цэрэг юу болсныг ойлгож завдсангүй. Гагцхүү германы хуяг дуулгатай биш байхыг анзаарч их дуугаар түгшүүрлэн орилох гэсэн боловч цалманд боогдсон хоолой нь хүрхрээд цас бужигнуулан гийчилж байснаа чимээгүй болов. Мистас цаламныхаа үзүүрийг суллаж гурван эр цааш мөлхөв. Олгерд үхдэл цэргийн дуулгыг углаж цагаан эсгий нөмрөгийн нь нөмрөв.

Эгнүүлж барьсан майхнуудын дундуур сэм гэтэж хүрээний гүнд оров. Тэдний хажууд германчуудын хурхирах, зүүдлэн яраглах дуу дуулдана. Цайвар даавуу бүрхүүлтэй хасаг тэрэгний доогуур шурган гартал,

-Чи юунд үүгээр түүгээр шиншлэн сэлгүүцнэ вэ? Магдебургийн муусайн гуйлгачингууд харуулын цэргийн нөмрөг нөмөрөөд хулгай хийж болно гэж боддог юм уу? гэж уурсан хараах сонстов. Жиглэг Мистас хоёр тэргэн доор хөшсөн чигээрээ чимээгүй болов. Олгерд дуулгаа духдуулж,

-Чи намайг Магдебургийнх гэж яаж мэдээ вэ. Чиний наад урагшгуй муухай нугасан хамрыг чинь харваас амраг садан, анд найз нараа шиншлэн төнхөж амар заяа үзуүлдэггүй албин чөтгөрийн төрөл буюу гэхэд тэргэн дээр зүүрмэглэгчийн уур шатаж,

-Би Бранденбургийн шударга модчин байна. Чи муу хүний оронцог пруссийн бурхангүй малуудаас дээрдэх юмгүй байж битгий цор цор гээд бай. Шөнө дүлээр хүний тэрэг тойрох нь өөрөө л ороолон чөтгөр мөн дөө. Өдөр хүн дүр олж, шөнө хувилан унтах нойргүй сүүтэгнэн ариун шажинт шударга бидний сүнс сэтгэлийг урвуулан замруулах гэх нь үү? Үтэр тонил! гээд чанга дуугаар библийн судраас маани уншиж эхлэв. Тэргэн дээр унтаж байсан цэргүүд цаана нь нойрмоглон яраглаж,

-Хайнц чи болиоч ээ! Хүн унтуулахгүй шөнөжин хэрэлдэх юм гэхэд,

-Бурхан шажнаа унтах нойрондоо мартсан хувцасны голууд. Унтаа хэвтээгээрээ сүнсээ алдах вий гэж хорсон бувтнах үед тэр гурав сэм алга болов.

Олгерд модчин цэрэгтэй сая хэрэлдсэндээ зүрх орсон уу, цэргийн жодгорын хоорондуур зоригтой урагшилж, зарим майхны амаар шагайж явав. Жиглэг Мистас хоёр майхны сүүдэр дагаж муур мэт мярааж, Олгердын барааг алдчихгүйг хичээн явтал хуарангийн гадуур түгшүүрийн дохио дуугарч харуулын цэргүүд нааш цааш сүүтэгнэн хэрэг бишдээд явчихав. Жиглэг алдаа гаргасныгаа сая ойлгов. «Олгердыг харуулын цэргийн оронд орхидог байж. Германууд үхдэл харуулаа үзэж түгшүүрлэв» хэмээн халаглан бодонгоо өндөр сайхан царсны доор хэд хэдэн бүтээлэгтэй тэрэг харагдахыг анзаарав. Жиглэг ухасхийн гүйж хамгийн эхний тэрэгний бүтээлгийг хуу татаж хаяв. Тэр доор юу ч байсангүй. Мод зангидан энд тэнд нь овойлгосон дуурайлга байв. Жиглэгийн толгойд «занга» гэдэг бодол палхийн бууж огло үсрэн эргэтэл урт бамбайт хоёр гурван цэрэг хүнд дуулгаа дааж ядан саглагар бүдүүн царс тойрон тэдний буцах замыг амдан явган шогшиж харагдав. Бусдыгаа бүртгэн мөрөн дээгүүрээ зэрвэс харав. Олгерд хаашаа ч юм бэ алга болсон байлаа. Жиглэг махир сэлмээ суга татан замд тааралдсан цэргийг хэрчиж, баруун гар талаас дөтлөх цэрэг өөд эргэхэд царс модны цаанаас Олгердын цаас шиг цайсан царай, айж дүрлийсэн нүд үзэгдзв. Мистас даргынхаа ар нуруунаас нь хамгаалж улайран тулалдана. Жиглэг Олгердыг хөдлөед өгөөсэй хэмээн халаглаж,

-Олгерд нааш ир! Миний баруун гараас хамжаад өг хэмээн бархирч бүслэлтээс гарахаар эргэлдэн хатгалдав. Олгерд даргынхаа тушаалыг дагасангүй. Харин герман цэргийн дундуур сугаран хоцорч дүрлэгэр хөх нүд нь модны цаагуур нуугдан далд оров. Олгерд урваж тэднийг санаатайгаар хуурч занганд оруулсныг бүүр түүрхэн таамаглаж,

-Олгерд чи яаж байна! Ай бузар албин! Чиний сүүжийг амьдаар чинь сугалж галд шарах юм сан хэмээн гаслан орилоод намхан пагдгар эрийн бамбайг хүчтэй дэлдэж тэнцвэрийг нь алдуулаад, тэрхэн мөчийг ашиглан хол хол үсрэн харайж майханд хүрэв. Франкий, герман газрын их дөрвөлжин майхны туургыг хүү татан цоорхойгоор нь харайн оров. Дуу шуугианаар сэрээд босох гэж өндийсөн хүний цээжин тус гишгэж орилуулаад, цаана нь байсан шалдан нүцгэн цэргүүдийг түлхэн унагахад цочирдож гэнэдсэн улсууд тарж зугтав. Жиглэг дахин нэг майхны хана цоолж ортол харанхуйн, дунд сарвайсан гар дайралдаж,

- Майн гот![Бурхан минь! гэсэн Герман үг] хэмээн хашгирахуйд мөн түүнийг түлхэж хаячихаад майхны хаяан доогуур шурган оров. Арын эгнээний майхан уруу мөлхөж дотор нь орвол эзгүй байлаа. Шуугиан чимээнээр хөл дээрээ боссон хуаран дүнгэнэн учрыг нь олоогүй цэргүүд гадуур гүйлдэнэ, Жиглэг майхны үүдээр толгойгоо болгоомжтой цухуйлган байдлыг ажиглан ширтэв. Монгол цэргүүд хуаранд орж сүйд хийлээ хэмээн айсан цэргүүд харанхуйд нэг нэгэнтэйгээ мөргөлдөн хуйлран бужигнана.Гэнэт морин туурай ойртон гачигнаж !

Жиглэг! Жиглэг! гэж хашгирах Мистасын дуу хадав. Жиглэг морин төвөргөөнийг амдан ухасхийв.

-Мистас! Наашаа! хэмээн бархирч хол хол харайлган явтал майхны хоорондуур хүн амьтан дайран Мистас гарч ирэв. Монгол цэргүүд уулгалан орж ирлээ гэж андуурсан цэргүүд майхны уяа гадсанд таварцаглан бутарч зугтав. Жиглэг Мистасын эмээлийн бүүрэгнэзс зуурч авав. Энэ үед хажуугийн майхны амсраар нэг цэрэг цухуйж Жиглэгийн зүүн мөрний хуягны завсраар урт сэлэм зоож орхив. Зүүн гар нь мэдээ алдаж шургачин унах шахан догонцон гүйх боловч бүүрэгнээс зуурсан баруун гараа тавьсангүй. Мистас жолоогоо сул хаяж морио давирангаа тонгосхийж Жиглэгийн бүснээс шүүрэн германы өндөр морин дээр сундлахад туслав. Дайсны хуаран дундуур хуй салхи мэт давхин өнгөрч замд дайралдах харуулын цэргийг дайран унагаж элс цас үсчүүлэн, морьдоо орхисон туулайн бөөр модны төглийг чиглэн харанхуй дотор уусан алга болов. Төгөл модонд бас занга байх вий хэмээн сэтгэл зовнин түгшүүрлэж байсан боловч агсамнаж амьсгаа нь дээр гарсан Мистасын араас тас зууран шархандаа түүртэж хий л ёолон шүдээ зуун явжээ. Тэнд очиход морьд нь алга байв. Мистас морио залан мөр хөөн төглөөс гарахад тэдний өмнө Скиргайло германы хуарангийн харуул чиглэн морьдоо хөтлөн цогиулж байгаа харагдав. Хуаран шуугиан дэгдэхэд аль хэдийн тэднийг зүйл дууссан хэмээн бодсон бололтой харуулд харвуулчихгүйг хичээн морио хүргэхээр болгоомжлон явна. Мистас Скиргайлогийн хажуу бөөрнөөс дайрч,

-Зогс Скиргайло! Хараал идсэн усны могой! Май чи Зевс бурхны цээрлэл хүрт гэж зүхээд цочиж айсандаа царай нь зэвхийрч эвгүй мушийсан литв залуугийн цээжийг ташуулан цавчиж орхив.

Газар хэвтэх Скиргайлогийн зуурсан гараас морины цулбуурыг шувт татан авч морьдоо юүлэн голын шугуйд хулжин оров. Жиглэг өөрийн итгэлт сайн хөлөг сартай хээрээ сэлгэн унаж, цастай шугуйгаар сүлжин бүдчин давхиулсаар Эльб голын гарам орох зам дээр гарахад морин төвөргөөн сонстож, тэдний хойноос марк граф Вилкенштейный морьт цэргүүд нэхэв. Нэхэгчдийн том биетэй морьд хурд ихтэй тул төдөлгүй ойртон иржээ. Харанхуй дундаас цэргуүдийн нүүрний халхавч, бамбайн дээрх сүг сүлд нь үзэгдэх шиг болж юу юугүй ар шилнээс нь хүнд мунаар буулгах гэж байгаа шиг бодогдоно. Жиглэг өрөөсөн гар шархтай тул харваж чадахгүй мориныхоо дэлэнд байдгаараа наалдахаас өөр ямар ч аргагүй. Мистас мөчөөгөө өгсөнгүй саадагнаасаа нумаа тайван авч түрүүлж гүйцсэн цэргийг эсэргүүцэн харважээ. Эхннй сум зөрж одсон боловч Мистас огт сандарсангүй дараа дараагаар хэд хэдэн сум тавилаа. Хоёр ч морьт цэрэг төмөр хуягаа харжигнуулан газар харуулдан унав. Энэ хөөцөлдөөн Мистасын хувьд бараг зугаатай явдал болжээ гэж хэлэхэд дэгсдэхгүй биз ээ. Германы морьтнуудын нэг нь ч нум сум аваагүй тул зайнаас хор хөнөөл хүргэж чадахгүй хий л жадаа гозолзуулан дагаж давхина. Тэдний төмөр хуяг урт суманд цоорч хага үсрэхэд муухай бархиран сум хүрэхгүй газар огло үсрэн зайлна. Марк граф Вилкенштейний цэргүүд бяцхан самгардсанаа сэхээ авч тэднийг бүслэхээр хоёр хуваагдан голын эрэг даган давхисан боловч хэтэрхий оройтжээ. Хүнд хөө хуягтай морьд эцсэн нь илт мэдэгдэнэ. Тэд дайснаа гүйцэхээр хурц давируулаараа мориныхоо гүзээнд цус хуртал хатгах боловч самсаа нь сарталзсан хөөрхий адгуус хүзүүгээ сунган зүтгүүлэхээс өөр нэмэргүй. Мистас Жиглэг хоёр нэхэгчдээсээ аажмаар тасарч бударч эхэлсэн цасан дотор сааралтан сүүмэлзсээр алга болжээ.

Тэр хоёр жалганд хоргодон шархаа боогоод Жиглэгийг арай чамай мордуулахад эмээл дээрээ ганхаж тогтож ядна. Мистас Жиглэгийг хажуугаас нь түшин цогиулсаар үүр цайж байхын багт Таатрын салбар уулсад хуарагнаж байсан Бурандуй ноёны толгойн харуул дээр хүрч очжээ. Жиглэг хөвгүүн шархандаа халууран хэд хоног дэмийрэн тийчилж байгаад бие илаарших тийшээ хандаж хан хурмастын ивээл олж босож суудаг болов.

Олгерд Скиргайло хоёрыг илрүүлснээс хойш Илтэт сайн ноёны тагнуулын хорооныхон дотор өнгөт нүдтэнүүдийг үл итгэх үзэл хүч авч Жиглэгийн батлан нотолсоор байтал Мистасыг хардаж сэрдэх нь ихсэж нүд үзүүрлэх боллоо. Нэг өдөр Жиглэг аньж эхэлсэн шархан дээрээ жин тавиад Мистастай яриа дэлгэж суутал Бэхтөр орж ирлээ. Тэр Мистасыг гадуурхсан янзтай зэвүүрхэн ширтэж,

-Ганц удаа аминд орсон гэж энэ үү. Ямар их нялуурцгаах юм бэ? хэмээн шоглох мэт бувтнаад сэлмээ өвдөгтөө хавчуулан олбог дээр суув. Мистас жин тавьсан алчуураа орхихоор. завдтал Жиглэг гарыг барьж хориод юу ч дуугаралгүй дургүйцэл төрсөн шинжтэй хөмхийгөө зуун суусаар байв. Мистас ч бас юм хэлсэнгүй Жиглэгийн мөрөн дээр жин тавьж тонголзоно. Бэхтөр баахан яраглан сууснаа,

-Хөөш өнгөт нүдтэн! Ганц удаа ч болов биднийг орхиоч. Монгол улсууд хэлэлцэх чухал яриа байдаг юм хэмээн уцаарлав. Жиглэг цонхигор царайгаа үрчийлгэн нөхрөө өмгөөлж,

- Мистасаас нуух юм байхгүй гэж чи мэд. Ямар учир ургалаа гэж хүн гадуурхана вэ! Түүний үнэнчийн тухай би та нарт хөх тэнгэрийг барин андгайлж баталсан биш үү? гэв. Бэхтөр ярвалзахаа азнаж,

-Миний ярих зүйл цэргийн хэрэг биш ээ. Бид хоёрын хувийн яриа. Энэ нутагт ганц удаа ч болов өнгөт нүдтэнгүй байж болохгүй юу? Мистас чи гар гэж цөхөрсөн шинжтэй өгүүлэв. Мистас мөнгөн цартай таван салааны хандыг авч гомдсон байртай дуу шуугүй гарч одов. Бэхтөр Жиглэгийн ор өөд дөхөж,

-Жиглэг чи над битгий уурлаж дөмбийгөөд бай. Би энэ Мистаст ер хар буруу санаагүй. Чиний амь аврагчийг сүйтгэх вий гэж битгий ай. Зүгээр л биеэ тоосон өнгөт нүдтэнийг би үзэж чаддаггүй юм. Түүнийг зэрэг суудлаа мэддэг болог хэмээн хөөж гаргасан минь энэ ээ. Жиглэг би чамд дуулгахад тугаар Юнгэр нохойг барьж турсагын нь хуулж хаясан. Та хэдтэй санамсаргүй тааралдаж хатгалдах болжээ. Зарлиг гүйцэтгэлгүй дэмий тэнүүчилж яваа үхээрүүд байж. Дөштөмөрийг бүрэлгэснээс хойш сүүлээ хавчин зугтааж Лигницийн нэг гацаанд орогносныг олж авлаа. Хархоринд явуулсан захидалд Начигай ноён хариу ирүүлэв. Хэрэв биднийг амьд мэнд яваа бол нутаг усандаа буцаж болохыг мэдүүлжээ. Маргаадар эндээс хааны санд нийлүүлэх татварын хөмрөг хүргэх цуваа хөдлөх нь, Би тэдэнтэй хамт нутаг бараадъя. Чи биеэ тэнхруүлж, хавар болгоод хөдлөх нь өлзийтэй буй заа. Манай хорооны дарга Илтэт сайн ноён мөн тэгж айлдлаа гээд түүний царай хувирахыг ажиглан суув. Ийм мэдээ сонсмогц Бэхтөрд уурлаж байснаа төдхөн мартаж нүд нь сэргэн,

-Чи үнэнийг ярив уу? Эсвэл ядарсан муу эрийг тавлан тохуурхана уу? хэмээн итгэж ядан асуугаад шавшиж шарласан мөрнийхөө боолгыг болгоомжтой илэв.

-Худал хэлсэн бол тэнгэр намайг ниргэж хэл минь татаг! Би чамтай дараа уулзахын ерөөлтэй салан одохоор ирсэн минь энэ. Хурдан илаарч эдгээрэй гээд зөөлөн алхсаар гарч явав.

Жиглэг Мистасыг орж ирэхэд дэргэдээ суулган мөрий нь түшин хэсэг бодолхийлснээ,

-Мистас аа, би нутаг буцах боллоо. Намаг чийгэнд суусаар хамаг орчлонг мартах дөхжээ. Хоёул хамт явна. Би чамайг ээждээ үзүүлнэ. Хонгор бүсгүйдээ танилцуулна. Энэ миний амийг аварсан Афродит бурхны хүү Мистас гэнэ. Тэд юутай их баярлах бол? Чамд би монголын гоо охидоос хатан буулгаж өгөх юмсан. Чи дэлхийн нийслэл Хархорин хотыг үзэх болно. Надтай чи явна биз дээ? хэмээн нүдээ гялалзуулан асуув. Мистас баахан цочиж Жиглэгийн царай өөд анхааралтай ширтэв. Халуурч дэмийрэв үү гэж эргэлзэж болгоомжлох авай.

-Жиглэг чи тайван бай. Удахгүй эдгэж хоёул дахин тагнуулд гарна. Энэ муусайн католик загалмайтнуудын өрийг нь загатнуулаад өгнө бий вий гайгүй хэмээн тайвшруулахыг завдав. Жиглэг толгой сэгсрэн яриаг таслаад,

-Чи намайг дэмийрлээ гэж бодов уу? Миний ухаан саруул байна. Би гэдэг хүн тэнгэр бурхандаа тэрсэлж, их эзнээ ташааран зүхэж явтал байгуулсан гавьяаг минь үнэлж ариун үнэн яллаа. Суу их эзэн хаан Мөнх, эр цэрэг намайг дэргэдээ авахаар хүсжээ. Чамайг би Чингис хааны алтан өлгий нутагт авч явахыг хүснэ. Үнэнч нөхөр чамтайгаа дайны хөлөөс хол, эрх дураараа амьдран жаргах гэсэн миний бодлыг Начигай ноён лавтайяа соёрхоно биз. Миний бие тэнхэрч моринд мордож чаддаг болох үед хоёул Тайчуудын их хөндий чиглэн хөдөлье гэж ухуулахуйд Мистас бодолхийлэн сууснаа санаа алдаж,

-Тайчуудын их хөндийд цагаан яст, хөх цуст монгол хүн амьдран суудаг билээ. Өнгөт нүдэт миний муу цогцос их эзний ариун нутагт жаргалаа эдлэн аж төрөн сууж болох байвч Олимп уулнаас алслан одох заяа муут сүнс сэтгэл минь зовон тарчлах буй заа. Эх нутаг элгэн садан минь католик шашинт, чөтгөрийн угсаат сениор графуудад дарлагдан шаналж байх үед дайны хөлөөс хол хөсөр хэвтэх албин шулмаас дор бус уу. Чи тэмүүлснээрээ нутагтаа буц. Би эндээ үлдэнэ. Эгнэгт үнэнч үлдлээ гэж сэтгэлдээ бодож яв. Энэ бол хоёр бие хамт нөхөрлөн яваатай ялгаа юун гэжээ. Франкий нутгийн богино өвөл нүд .ирмэхийн зуур

өнгөрч, цасны ус татах үед Жиглэг хөвгүүн Таатрын уулын суган дахь Илтэт сайн ноёны өргөөнөөс Хэрмийн хойг[Крымын хойг] дахь Судаг** хот орох Сартаг хааны элч нарыг бараадан хөдлөв. Жиглэг Мистас хоёр андын ёсоор хагацлаа. Ачаа хөсөгний цуваа зам зуураа Даки нутагт суурьшсан Ногай ноёны хот суурингуудад буудаллан амарч, Хартан тавнангийн өргөө орд дамжин аажуу уужуу аялан явсаар далайн эрэг дэх Судаг хотод хүрэлцэн иржээ. Жиглэг Сартаг хааны элч нараас тэнд салж нэгэн генуэ газрын лигүр* худалдаачинтай хэлэлцэн арван мөнгөн зоосоор Судаг хотоос Аяс хот орох усан онгоцонд суухаар тохирч хэрэв буурал халзан сартай хээр хоёроо авч явах бол арван мөнгөн зоосон дээрээ нэг алтан дукат нэмэх эсвэл хагас «Агуу их, шударга» хэмээх дэрхэм төлөхийг шаардав. Жиглэг хөлөг сайн морьдоо харийн нутагт орхихгүйн тулд өвөр дэх хэдэн зоосоо хайрласангүй.

Сэрвэлзсэн салхитай зэврүүхэн өглөө генуэ худалдаачны дарвуулт хөлөг Судаг хотын боомтыг орхин их далайд гарав. Хөлөг онгоцны далбаа бөмбийтлөө хөөж, давирхайтай олс татлага чавхран хөвчирч, чахран гангинах усан онгоцны хошуу далайн давалгааг хөөс цацруулан зүснэ. Удаж төдөлгүй Хэрмийн хойгийн ногоон хормойтой шар боржин уулс хөхрөн хөхөрсөөр далайн уснаа сууж, эргэн тойрон цайран намалзах далайн мандал, ногоорон цэлийх уснаас өөр үзэгдэх харагдах юмгүй болжээ. Үргэлжийн дайвалзан хөдлөх онгоцны тавцан эцэстээ хатуу биш шиг санагдан дотор бэлбийлгэж, нэг их удаан ч тэссэнгүй Жиглэгийн бие муудаж хэвтэрт оржээ. Онгоцны ахмад туранхай шар лигүр хүний хэлснээр энэ өвчнийг далайн өвчин, гэж нэрлэх ажээ. Хэдэн өдөр дараалан бие эвгүйцэн бөөлжин хэвттэл ашгүй далайн давлагаа намдаж босож суухтай болов. Эцэж турсан гэж жигтэйхэн. Хааяа явж буурал халзан, сартай хээрийнхээ дэргэд очно. Сартай хээр эзнээ таньж үрсэн янцгаагаад Жиглэгийн тавьж өгсөн хувинтай овъёосыг идэж дурамжхан зажилна.

Жиглэг морьдынхоо хүзүү цавийг маажиж уйтгараа гаргаад онгоцны тавцан дээр тохмоо авчран дэвсээд ихэвчлэн хажүулдаж өдрийг өнгөрөөнө. Тэд хэдэн өдөр аялж нэгэн сайхан хоолойгоор өнгөрч Родос, Кипр арлаас хоол хүнсээ базаан цааш дорно зүг аялан явжээ. Өмнө зүгээс бүлээн салхи зогсолтгүй үлээж, далайн давлагаа мяралзан жигдэрч, хөлөг онгоц нэг доош шигдэж, нэг өндөрт хөөрч урагшилж байгаа үгүй нь мэдэгдэхгүй хөвсөөр байтал Искендрийн буланд орж ирсэн байлаа. Хийх юмгүй үед онгоцны ахмад лигур хүн түүн дээр ирж сонирхон асууна.

- Энд хуучин монгол хүн их байсан юм. Олон мянган жилийн өмнөх явдал шүүдээ. Ялангуяа Египедийн Миссирд. Тэндхийн Фаронууд чинь цөм Монгол царайтай байсан юм. Сүүлдээ та нар яагаад тэндээс нүүгээд явчихсан юм бэ? Бүү мэд. Та нарыг явсны дараа Нил мөрөнд арабууд эзэгнэх болсон. Үлдсэн монголчууд Суданы цөл рүү нүүж, тэндээ өөрсдийнхөө боолууд шиг пад хар царайтай болсон. Би бүр монгол царайтай хар арьстантай тааралдаж байсан шүү. Та нар тэгээд хаашаа явсан юм?

- Хаашаа гэнэ ээ? Нар мандах зүгрүү л явсан юм байлгүй дээ.

- Тэнд чинь тэгээд тийм сайхан юм гэж үү?

- Би одоо яг тийшээ явж байна. Та нарт сайхан байдаг юм уу үгүй юу, хэн мэдэх билээ. Надад л сайхан байдаг юм. Ингээд тэр Аяс хотод хэд хоног амарч тэнхрээд Хархорин орохоор Евфрат мөрнийг уруудан Мустасим халифтай дайтаж байгаа Хулагуу хааны цэргүүдэд байн байн ороогдон байцаагдаж, оргодол дээрэмчдээс холуур тойрон Килиг нутгийн армен худалдаачдын жин цувааг хөлсөөр хамгаалан явсаар өчнөөн жил мөрөөдөн санаж, бараг эргэж ирнэ гэдэгтээ итгэхээ байсан эх нутагтаа зуны дунд сард ирлээ. Өндөр уулын хад чулуу нурсан нарийн хавц-

лаар амь өрсөн өнгөрч, мөсөн чулуу, алмас эм байдгийг мэдэж, Хотон газар амарч, Таглаа манханд цангаж, Тарим голын эрэг дээр Хүчлэг хааны өргөөнд зарим худалдаачдаа үлдээж, Хөмөл балгасанд ирж байж килигийн худалдаачдаас их шан харамж хүртэж салав.

Төрж өссөн нутаг ойртох тутам Жиглэг хөвгүүний сэтгэл хөөрөн тогтож сууж чадахаа байж эхийнхээ барааг харах юм сан. Нэмүүлэнгийн царайг үзэх юм сан гэж борхон зүрх нь булгилан догдолсоор замын хань ч хүлээсэнгүй буурал халзан, сартай хээрээ сэлгэн сэлгэн унаж хойд зүгт сүндэрлэх хан Хангайгаа чиглэн өдөр шөнөгүй довтолгон оджээ.


Top
   
PostPosted: Oct.08.15 4:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Амьд мэнд уулзалдах нь дээ. Харин Нэмүүлэнгээ хараад яах бол доо.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.09.15 2:15 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван долдугаар бүлэг

Навч ногоо дэлгэрсэн зуны дэлгэр цаг. Сүн улсыг дайлаар хөдөлсөн зүүн гарын Тугачир ноёны дайчин баатрууд үе үе сургуулилан ан хоморго хийж аажуу уужуу урагшилсаар Цайдамьн хөндийд цуглаж, Хөхнуурын эрэгт амарч байснаа гэнэт хөдөлж намрын эхэн сарын өлзийт өдөр Кай цин хуандийн хилийн боомтын гадаа үзэгджээ.

Улбар шар жимсээ дааж ядан найгах нимбэгийн цэцэрлэгт Дайжушиглэгт өөрийн удирдах зуутаа нууж ойр хавийн тариачдыг барьцаанд авч хэл холбоог таслан хэвшил болж дассан байдлаараа ажиллав.

Сүн улсын ихэмсэг хуанди сэрүүн ордондоо налайн хэвтэж ард иргэдийг нь боолчилж, эмс охидыг нь булаахаар хэрцгий муу дайсан хойд зүгээс давшин зүтгэж хамар доор нь ирээд байгааг сэжиглээ ч үгүй байлаа. Эмс хатдынхаа зөөлөн биенд наалинхайрч, эрх ямбандаа согтууран. торго дурданд зөөлөрсөн бие бөгөөд сэтгэл нь хатуу хүтүү бодлоос ухаан алдтал айж, монгол хаадын заналхийллийг элдэв аргаар биеэс зайлуулж, алдаг оног тагнуулын мэдээ ирвэл түр бухимдаад узэсгэлэнт цэцэрлэгтээ зугаацахаар гарахдаа тэр тухай таг мартаж орхидог байв. Гагцхүү Чжао жанжны мятаршгүй хичээл зүтгэлээр Зүрчидийн Алтан улстай хиллэж байсан хуучин харуулыг чангалж, урьд монголчуудтай хамсаж Зүрчидийг шахан байлдаж байсан цэргийн хагасыг тарааж урд зүгт буцаалгүй хуарагнүулан үлдээж чадсан юм.

Гэвч дэлхийг тэр чигээр нь залгичихсан аймшигт хүчирхэг Мөнх хаанд цэргийн хоцрогдсон зохион байгуулалттай, хуучирсан аргаар дайтдаг хөдөлгөөн муутай нанхиад цэргийн анги өчүүхэн ч тотгор болж чадахгүйг Чжао жанжин, түүний ойр дотно шадар дарга нар битүүдээ гадарлаж байв. Монголчууд Зүрчидийг хойноос нь цохиж сандраахад өчүүхэн өш хорсолд согтуурсан Кай Цин хуанди хөөрөн баясаж хэдэн мянган хятад хөвгүүдийн цусыг урсган монголчуудад тусалсан нь үүрийг нь уудлах дайсантайгаа нүүр нүүрээрээ учрах сүйрлийн цагийг түргэсгэж өөрийнхөө доор нүх ухсаны адил бус уу. Кай Цин хуанди хойд хятадыг

Зүрчидээс чөлөөлсөн нэр зүүх боловч Алтан улсын өчуүхэн хэсэг нь Сүн улсад үлдэж хойд талын үржил шимтэй өргөн их нутаг мөн л харийн дарангуйлагч Монгол хаадын гарт үлдсэн байлаа. Кай Цин хуанди энэ газар нутгийг эргүүлж авахаар сүрхий маргасан боловч тэр нь өөрийнх нь унах цагийг түргэсгэж Сүн улсыг далайх аян шалтаг болсоор байв,

Хувилай хаан, Тугачир ноёны гучин түмэн цэрэг хятадын нутагт цөмөрмөгц Мөнх хааны жаран түмэн цэрэг Шар мөрнийг гатлан давшиж Сүн улсын харуулын цэргүүдтэй хатгалдаж эхэлсэн болой, Дайжушилэгт зуутаа буулгаж, мянганы ноён Өлзийтөөс тушаал хүлээн нимбэгний шугуйд мяраан суув. Тэдний түмт өндөр уулын хавцалд байх цагаан будааны талбайгаар хүрээлэгдсэн жижиг боловч сайн бэхлэгдсэн боомтыг өглөөнөөс хойш бүслэн уулгалж үүлэн шат босгон бужигналдав. Өлзийт ноёны мянгатыг өтгөн ургасан шигүү бургастай Ханьшуй голын хөндийг уруудуулан Чжао жанжны гол цэрэг туслахаар ирвээс тосон байлдуулахаар илгээсэн байжээ. Дайжушилэгт аравтын дарга нараа цуглуулан энэ тэрийг ярилцан

зоригжуулж, тулалдаанд орвол хажуу хавиргаа онгорхой орхилгүй аль болохоор өргөн жигүүртэй тойрч дайсныг хумин тулалдах хэрэгтэйг ахин дахин сануулж хэлэв. Аравтын дарга нар тарж одоход Дайжушилэгт хажуугийнхаа модноос том шар гүйлс зулгаан хальсыг нь цэвэрлэн, чихэрлэг шуүсийг шимж амны цангаа гаргав. Түр зуур мөнөөхөн богино хугацаанд ижилдэн дасаж амжсан Жумагүл хүүхнийг санаж гүн бодолд автан суулаа. Газраас чийг даан нойт оргих боловч бөгчим халуун агаар модны сүүдэрт хүртэл чихцэлдэн пэмбийж, хөлстэй биеийг хувцастай наалдуулан нозооруулахад дэргэдэх шуудуунд урсах горхины шоржигнох чимээг өөрийн эрхгүй хорхойтон чагнаж байжээ. Өглөөнөөс хойш хуяг дуулганаас салаагүй ядарч нозоорсон цэргүүд дарангуйлагчаа сэм ажиглан тэсвэртэй сууцгааж модны чөлөөгөөр харагдах хачин шовгор хэлбэртэй, битүү ногоон модонд хучигдсан цэнхэр уулсыг ширтэн гөлөрцгөөнө. Барьцаанд орсон нанхиад тариачид тэднийг харгалзан жанчих цэргүүдийг айж эмээсэн нүдээр ширтэж гонгинох мэт дуу гаргацгаан амь гуйн гиншицгээж байв.

Дайжушилэгт усанд хаясан чулуу шиг ор сураггүй алга болсон Өлзийт ноёноос мэдээ сураг хүлээж ядаад Жумагүл хүүхний тухай бодлоос ангижран эргэн тойрныг ажиглав. Жамган модон дундаас түүнийг чиглэн устай шудуун дээгүүр харайлган алхаж явааг анзаарав. Түүнийг ойртон ирмэгц,

-Юу болов? хэмээн сонирхон асуухад Жамган дэмий явсандаа хэлэх юмаа олж ядан түгдчиж.

-Зүгээр уйдаад гэж бувтнаад дэргэд нь ирж хөлсөө арчин зогсов. Дайжушилэгт байж ядан сэлэмнийхээ хуйг алгадан өндөлзөж сууснаа толгойн сэргийлэхийн дарга Баттөмөрийг дуудаж,

-Юм үзэгдэхгүй байна уу? гэж цухалдангуй асуув. Шинэхэн тохоогдсон сэргийлэхийн дарга чухал үед тодорхой юм хэлж чадахгүйдээ ичих шиг хөмсгөө зангидан доогуур харж,

-Эргэн тойрон тахалд идэгдсэн хот шиг хов хоосон. Баруун гарт тавьсан сэргийлэх ирээгүй байна. Түүнийг хүлээе хэмээн өчив. Баттөмөрийг явахад Жамган Дайжушилэгтийн дэргэд дөхөж,

-Өдөржин энэ цэцэрлэгт жигнэгдлээ. Манай мянгат урагш давшсан биз. Тэдний хойноос нэхье. Юугаа хүлээж энд дэмий хэвтэх билээ гэж ятгав. Дайжушилэгт түүнийг хяламхийн харж,

-Өлзийт ноёноос мэдээ алга. Жаахан хүлээе гэж зөрүүдлэн хөмсгөө атируулав. Удалгүй баруун гарт явуулсан толгойн сэргийлэх ирэв. Ойр хавь юу ч байхгүй гэж илтгэв. Дайжушилэгт гайхаш тасран тээнэгэлзэн бодолхийлснээ халуунд нозоорох бамбайчдаа,

-Морь гэж тушаав. Бамбайчийн дохиогоор хөтөч цэрэг саарал аргамагийг нь хөтлөн гүйж ирэв. Дайжушилэгт эмээл дээрээ өндийж,

-Мордоод! Хэмээн цэргүүддээ хашгирахад зэр зэвсэг нижигнэж, морин туурай пижигнэж цэргүүд гурав гурваар жагсаж зуутын шар голтой тугийг даган цэцэрлэгт шугуйгаас гарч гол уруудан шогшуулцгаав. Амь аврагдсандаа баярласан нанхиад тариачид модон дундуур чимээ анир гаргалгүй тарж уул өөд зугтан алга болцгоов. Доош гол уруудах тутам тариачдын сүрэл дээвэртэй урц, овоохой олширч, дээрэмдэж сандаачихдаа гаргаж хаясан сийрсэн сав суулга, хулсан ширээ. сандал энд тэнд хөглөрөн хэвтэнэ. Том том бул чулууг тойрч ороосон нарийхан хайрган замаар уруудаж нэлээд явахад Өлзийт ноёны сураг чимээ гарсангүй. Таамгаар урагшлан явтал гол дээгүүрх нарийхан модон гүүрээр тоосонд дарагдаж халтартсан цэрэг угтан ирвээс Баттөмөрийн аравтын Хэрээд залуу мөн байна. Тэр гүүрэн дээгүүр өнгөрөхдөө жадаа толгой дээгүүрээ эргэлдүүлэн гозолзуулж,

-Дарангуйлагчаа! Өлзийт ноёноос элч ирэв. Тэд энэ доор голын тохойд нанхиад цэргийг эсэргүүцэн хоргоосоор ухарч явна гэж өндөр дуугаар өгүүлэн амьсгаадан дөтлөв. Дайжушилэгт түүний агсам морийг амгайдан зогсоож,

-Их дүу тавьж хан хурмастыг битгий цочоо! Догдолсон сэтгэлээ барь! Амьсгаагаа үтэр дараад Өлзийт ноёны элч юу гэж хэлүүлснийг өч гэв. Тэр залуу гартаа савах жадаа дөрөөвчилж ичиж зовсон байртай ийш тийш хулмалзан,

-Бага үдээс хойш Өлзийт ноён Чжао жанжны цэргийг уулын хавцалд сахин хоргоож, өдий хэр урагш давшуулалгүй чөдөрлөн барьж цус урсган тулалдаж байгаа боловч нанхиад цэрэг тоогоор давуу, явган нүцгэн гүйх тул уул хад, бартаагаар дамжин ар хударгад гарах хэмээн сандаргаж арга буюу мянгатаа гэдрэг татсаар улам ойртон байна, Бидний халаа авахад бэлдэхийн зэрэгцээ түмтийн ноёнд айлдаж нэг мянган цэрэг туслахаар авчрахыг тушаав гэхэд Дайжушилэгг зуутаасаа холбооч цэргийг гэдрэг илгээж тэр даруй Өлзийт ноёны тушаал ёсоор ашигтай байр эзэлж авахаар шууранхайлан довтолгов. Уд модны жижигхэн шугуйг нэвтэлж гарахад, шархдаж царай алдсан монгол цэргүүд уван цуван ухарч яваатай тааралдав.

Тэднээс цааш өөр хүн амьтан дайралдсангүй. Замын хажуугийн ногоон бутны үзүүр дээр толгойн сэргийлэхэд явсан Баттөмөр угтан авав. Тэндээсээ ногооны талбай гаталж, чинээлэг тариачин амьдарч байсан бололтой гаднаа бяцхан цэцэрлэгтэй хятад байшинд дагуулан ирэв. Байшингийн гадуур мянгатын цэргүүд сүлжилдэж нэг хэсэг нь явж, нэг хэсэг нь ирж байлаа.

Цаасан цонхтой байшинд бүдэг харанхуй оргиж гэрэл муу тусна. Сүрлэн ширдэг дээр хэдэн хүн цай ууж хүүрнэлдэн суусан нь Өлзийт ноён өөрийн шадар бараа бологчид толгойн сэргийлэхийн дарга нартайгаа суугаа нь тэр байв. Дайжушилэгтийг орж ирэхэд Өлзийт ноён сэтгэл ханамжтай дуу алдаж,

-Дайжушилэгт хүрээд ирээ юү? Ямар амархан яваад ирэв? Чи цэргээ аваад доод хавцгайд очиж занга тавь. Энхжин, Хартаг, Чэлүүдэй, Абагахирилтуг нарын зуут гарч ирээгүй байна. Тэднийг тулалдаанаас гартал нанхиад цэргийг хоргооно шүү. Тэд гарч ирээд эргээд та нарт тусална. Бүслэгдвэл сандрах хэрэггүй. Морины хурдаар сэт цохиж гарна биз. Гол зорилго чинь хоргооход оршино гэдгийг хатуу сана. Бүслэлтийг удааж дайсныг бэхжүүлж болохгүй. Тэгвэл дайсны цалманд үүрд үлдэх болно. За шалавла гэж тушаав. Дайжушилэгт хашааны гадна хүлээж байсан цэргүүдээ авч Өлзийт ноёны заасан газар очив. Хоёр уулын хооронд эргэн тойрондоо тутарганы талбайгаар хүрээлэгдсэн улаан элгэн хадан цохио Дайжушилэгтийн хориглох занга мөн болой. Хадан цохионы хоёр талаар битүү нарс ургаж ёроолоор нь улаалзгана, долоогоны бут ногоорон багсайжээ. Дайжушилэгт зуутаа арван арванаар нь хувааж бут шугуйг тааруулан хөндийг яаравчлан гинжлээд, өөрөө өндөр хадан цохио өөд мацаж тулалдаан болж байгаа шугуйг ажиглан хянаж суув. Хадан цохиог тойрсон тутаргын талбай ус гүйлгэнүүлэн наранд гялалзаж дундуур нь гарсан нарийхан зам яв явсаар яшил жодоо модны шугуйд шургаж нэг ил гарч, нэг далд орсоор үзэгдэхгүй болно. Төдөлгүй модны цоорхойгоор арав хориод морьтон гарч ирээд тутаргын талбайн захад эргэлдэж саатсанаа мод уруу буцаад орчихов. Үүнээс хойш удалгүй ухарч яваа монгол цэргүүд модны цоорхойгоор байн байн үзэгдэж зарим нь тутаргын талбайг гаталж Дайжушилэгтийн зуутыг чиглэнэ. Ийм байдлаар хэдэн хурам өнгөрөв. Дайжушилэгтийн тугч гэнэт хүзүүгээ сунгаж яаран өгүүлрүүн:

— Тэр тэр! Гараад ирлээ. Өгөр нанхиадуудыг хараач хөөе! гэв. Уулын сүүдэр хажин жижиг шар дуулгатай, урт жадаар зэвсэглэсэн явган цэргүүд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг язганан гарч ирэх нь үзэгдэв.

Тэдний үг яриа сонсгохооргүй хол боловч өмсөж зүүсэн эдлэл хувцас, зэр зэвсэг нь тодоос тодхон харагдаж, орилолдон хүрхрэх нь салхины аясаар дуулдах шиг санагдаж байв. Нанхиад цэргүүд хэлхгэр цамцныхаа ханцуй, өмднийхөө шуумгийг боож хөлдөө цэмбэн шаахай угласан байх ба гүйж харайх нь түргэн шалмаг тул адгуусны хааныг ч гайхуулам. Баг цэргийн толгойд нүцгэн бие дээр хятад том үсэгтэй зэс хуяг өмсөж, үсээ зулай дээрээ хумьж улаан алчуураар боосон чийрэг залуу алман сэлмээ далайн бусдыгаа уриалан шууранхайлж явна. Монголчууд хурааж мөлчийлгөсөн тутаргын талбайгаар туучин давхилдаж нанхиад цзргүүдийн түрүүчтэй үе үе зууралдан тулалдсанаа гэдрэг эргэн буруулцгааж аажмаар ухарцгаана. Навтсан гэрийн туурга зуны шиврээ бороонд нэвчин дусаалд автах адил модон дотроос нанхиад цэргийн ангиуд тасралтгүй гарч, энд тэндээс нэмэгдсээр байв. Зүүн талд ойрхон харагдах царсны төгөлд нэлээн ширүүн тулалдаан эхэлж шархтсан хүн орилох, сэлэм бамбай хавирах төмөр жингэнэх чимээ тасралтгүй гарч, айсан морьд янцгаан хуухирна. Шуугиан чимээ дундаас шингэн дуутай нэгэн хүний «Чеэн мин, Чеэн мин...»[Амь авар гэх нанхиад үг] хэмээн тасралтгүй бархирах нь содон сонстоно. Тутаргын талбайд байлдсан цэргүүд Дайжушилэгтийн нуугдсан хадан цохионы тушаа ухарч ирэхэд Хартаг баатрын зуут болох нь танигджээ. Тэдгээр дайчид тугаа алдсан боловч эмх цэгцтэй ухарч Хартаг баатрыг даган авхаалжтай тулалдаж явлаа.

Царсан төгөлд зууралдан тулалдсан цэргүүд модноос гарч ухарсан нь Энхжин мэргэн, Чэлүүдэй хоёрын зуут байв. Тэд эргэж буцаж цавчилдсаар Дайжушилэгтийн зууттай ирж нийлэв.Мянгатынхаа нөхдийг үзэж зориг орж баярласан дайчид хөөрцөглөн хашгиралдацгааж,

-Эндээ хориглоё! Абагахирилтугийн зуут алга. Тэднийг хүлээзнэе хэмээн ам амандаа шуугилдацгаана.

Бутанд нуугдсан Дайжушилэгтийн харваачид нанхиад цэргийг давшин ирэхэд тал талаас харваж хиаруулж гарахад айж балмагдсан тэдгээр цэргүүд тутаргын талбай дамжин ойн зүг амиа хоохойлон буца зугтаав. Энэ байдлыг хянаж суусан Дайжушилэгт хадны ирмэгээс өнгийн,

- Сумаа хайрла. Цэргүүд ээ! Сумаа хайрла. Ухарч байгаагаа бүү умарт хэмээн хашгирах боловч сснсож байгаа хүн бий үгүйг бурхан мэдэх биз. Чжао жанжны цэрэг зэс хуягт дарга нартаа хараалгаж, монголчуудын өмнө нуруугаа харуулж шившигтэйгээр зугтаасандаа ичиж зовсон байртай модон дотроос дахин гарч давшив. Тэд монголчуудын цөөнийг гадарлаж, голын хөндий дэх бут сондуултай хадан цохиог бүсэлж авахаар хөдлөв. Гэвч бут бүрд тарж суусан шар зуутынхан. давшигчдыг ойртуулахгүй харвахад нанхиадууд өөрийн эрхгүй холуур дугуйрч жагсаал нь сунаж сийрчээ. Дуулгандаа гургалдайн өд хатгаж хээнцэр хэвнэг нөмөрсөн алтан бэлхүүсэвчтэй хүн бие хамгаалагч морьтнуудаа дагуулан царсан дундаас гарч чанга чанга дуугаар тушаал буулгаж тулалдааныг удирдан ирсэн нь Чжао жанжны тушаалаар боомтыг хамгаалахаар цэргүүдийг дагуулан ирсэн өвгөн байлаа. Тэрбээр өдий

болтол боомтонд хүрч жанжны зарлигийг биелүүлж чадаагүйдээ бухимдан, хоцорч түдгэлзсэн цэргүүдийг жадныхаа үзүүрээр балбан тууж явна. Нанхиад цэрэг удирдагчаа үзээд зориг орсон төрхтэй гэнэт уухайлан давшиж сум онилох зав өгөлгүй ойртож гардантулалдаанд орлоо. Хартаг, Чэлүүдэй нарын зуут мордож хадан цохиог хормойдон давхилдав. Тэд явган цэрэгтэй цавчилдан хатгалдаж эгнээгий нь сандчаан түйвээхээр оролдов. Гэвч амжилтанд эс хүрэв. Энхжин мэргэн, Дайжушилэгт нарын цэргүүд нарстай толгой өөд морьдоо хөтлөн өгсөж хориглон тулалдана. Тэнцвэргүй хүчинд автагдсан цэрэг эрсүүд мэсэнд өртөн цусаа гоожуулан унасаар байв. Тошлойн бутанд нэг аравтын морь баригч нанхиадуудад бүслэгдэж хэд хэдэн морио алуулж, өөрөө цээж уруугаа жадаар хатгуулан үхэтхийн унав. Алдуурсан агт бургасан дундуур цамнан давхиж, будилж сандарч яваад хоцорч гээгдсэн хүмүүс энд тэнд бултганаж харагдана.

Дайжушилэгт ихээхэн талхиулж, үзтэл цөөрсөн хүн морьдоо нүдэн баримжаагаар тоолонгоо,

-Тэсвэрлэцгээ дайчин баатрууд аа! Морь баригчаа бүү орхигтун хэмээн хүнгэнүүлэн хашгирав. Жамган шархтсан барс мэт архиран эргэлдэж мод чулууны завсраар ээлжлэн гарч ирэх нанхиад цэргүүдтэй хатгалдан тэмцэлдэж,

-Шилэгт! Би аравтаасаа ганцаар үлдлээ. Тэсэхгүй нь. Мордоод талд гарья хэмээн амьсгаадан шавдуулав. Дайжушилэгт тэртээ шугуйг хялалзан ажиглаж,

-Тэсч үз, Жамган минь! Абагахирилтуг алга. Түүнийг гаргаж авахсан гээд нум сумаа саадгаас сугалж бургас бутан дунд шоволзох шар дуулгатныг түүж гарав. Гэвч Абагахирилтугийн зуут модноос гарч ирсэнгүй. Энэ чигээрээ нанхиадад бүслэгдвэл зуутынхаа талыг төдхөн хядуулж дуусгах байдалтай тул Дайжушилэгт санаа алдаж тугчдаа дохио өгч,

— Мордоод! гэж тушаалаа. Яг тэрхэн мөчид мөнх ногоон шугуйгаас том хар нөмрөг нь далбаганан хийсэж, хойноосоо улаан голтой туг дагуулсан хун гарч ирлээ. Дайжушилэгт аравтын дарга нартаа хандаж,

— Миний хойноос! Абагахнрилтугийг угтаж давхиад хэмээн тушаагаад газрын уруу салхи исгэрүүлэн довтолгов. Чихний үзүүрт дайчин цэргүүдийнх нь уухайлах сонстож, нүдэнд нулимс бүртэлзэнэ. Гэнэтийн довтолгоонд сүрдэж балмагдсан нанхиадууд бургас чулууны ёроолд амиа хоохойлон нугдайх дүрс зэрвэс харагдаж өнгөрнө. Хад чулуунд бүдчин, бургас

бутанд уруулан, модны мөчирт шавхуурдуулан давхисаар бүслэлтийг цөм цохин хадтай толгойгоос бууж, тутаргын талбайд гарав. Тэдний хажуугийн байцнаас Энхжин мэргэний цэргүүд угтан бууж ирэв. Тэд нийлж Сүн улсын явган цэрэг дундуур зүсэн орж замд тааралдсаныг дайран унагаж, хажуугаар өнгөрснийг жадаар сулбэн чичилж давшсаар Абагахирилтугтай ирж нийлцгээв. Тэр гурвын зуут тутаргын талбайг хөндлөн гулд зорчиж, тарж бутарсан нанхиад цэргүүдийг элдэн хөөж намнаад зам хааж бусэлсэн хориглолтыг сэт цохин гарч Чэлүүдэй, Хартаг нарын зууттай ирж нийлэв.

Үүргээ биелүүлж чадсан дайчид бага багаар ухарсаар шөнө дүл Өлзийт ноёны байрласан сууринд дөхөн ирэхэд амарч хүчээ сэлбэсэн нөгөө хагас мянган цэрэг тэдний халааг авч хатгалцаж эхлэв. Шөнө болов. Хоёр тал нэг нэгийг уулгалан дайрахыг зогсож, харуул манаа гарган аль алиныгаа анасаар үүр цайлгалаа. Үүр цайх цагт өтгөн манан буусан ногоон шугуй, тариан талбан дундуур гарсан нарийхан замаар Байдар ноёны илгээсэн хоёр мянгат туг яндраа хийсгэн могой мэт мурилзан цувсаар орж ирэв. Мянгатын толгойд ирсэн ноёд хөө хуягаа ширжигнүүлэн мориноос бууж Өлзийт ноёнтой золгоод өвгөн царсны доор сууцгааж дүнгэр дүнгэр ярилцан цаашид хэрхэхийг зөвлөлдөв.

Дайжушилэгт няц цохиулсан дунд хурууныхаа үеийг хөхөж, цусыг нь газар нулиман мориноосоо бууж хөлийн чилээгээ гаргаж байгаа хэсэг цэрэг дээр сэм сэмхэн гишгэсээр ирж Да Хуан боомтын талаар сонирхон,

-Дайчин эрчүүд амгалан тавтай морилж явна уу? Да Хуан боомтыг авч чадсан уу? гэв. Эмээлийнхээ тохмыг засаж байсан үрчгэр духтай залуу духаа улам үрчийлгэн инээмсэглэж,

-Өчигдөр орой боомтын захирагч Байдар ноёнтой хэлэлцээ хийснээр боомтыг тавьж өгсөн. Тэд өдөржин Чжао жанжныхаа тус дэмжлэгийг хулээсэн боловч тусыг олоогүй. Та нар тэднийг гүйцэд чөдөрлөсөн юм билээ. Манайхан одоо захирагчийнхаа үг тушаалыг үл даган дургүйцэж зугтагч тэрслүү иргэдийг мохоон дарж байна гэв.Тэднийг олигтой ярилцаж амжаагүй байтал түгшүүрийн дохио дуугарч цэргүүд жагсав. Цэргүүд дунд «бүсэлчихэж» гэсэн түгшүүртэй үг цухалзав. Дайжушилэгт давхийн цочиж хөөрөх манангийн доогуур харлан үзэгдэх ой шугуйн зүг ширтвэл энд тэнд хэсэг бусаг явган цэрэг харагдаж, гурвалжин хэлбэртэй туг далбаа нь явдал дунд нь найган хөдөлж тэднийг ар хударгаар нь ороон бүслэхээр зогсолтгүй урагшлан давшиж байжээ. Төдөлгүй Өлзийт ноёны дуу хангинаж,

- Баатар хөвгүүд ээ! Бид зуурч тулалдана. Шөнө амарсан таван зуут дайсны баруун жигүүрийг сэт цохиод ир гэж тушаав. Дайжушилэгт зуутаа дагуулан ухасхийж усны шуудуун дээгүүр харайлган гарч, хурааж онгичсон ногооны талбайд бүдчүүлэн, түүний цаагүур эмжин тарьсан модны шугуйд орон гаран давхив. Нанхиад цэргүүд явдлаа саан эгнэн жагсаж жадаа амдуулан арзайлган угтав.

Олон адуунд түрэгдэх эхний эгнээний цэргүүд жаданд хатгуулж эмээлээс холбирон унахад дараачийнх нь хятад цэргуүдийг морьдоор гишгүүлж. морин жадаар сүлбэж, зууралдсан ширүүн тулалдаанд оров. Явган цэргүүдтэй хатгалдан тулалдзх эвгүй боловч тэднийг давамгайлж байгаа нь лавтай мэдэгдэнэ. Явган цэргийн жагсаал хэврэгхэн, нэг буснивал толгой дараалан хэрчүулж дахин эмхрэх цаг олддоггүй билээ. Хүзүүгээ гудайлган бутарч зугтагсдыг бургас огтлох мэт хиаруулах нь юунаас ч төвөггүй явдал ажээ. Харин зууралдан тулалдах үед амь тасарч байгаа цэргүүд морины цавь сугыг жадаар хатгах, олом жирэм таслах, татаж унагах аюул алхам бүрд тохиолдоно.Нанхиад жанжнууд цэргээ гэдрэг татаж газрын цагаачаас зайлсхийж хад чулуу тийш тулалдааныг шилжүүлэхийг оролдов. Халуун чулуу долоож, хашир суусан зуутын дарга цэргээ модонд оруулалгүй зах сахин эргэлдэж нанхиадуудын довтлолтыг өөр дээрээ урин дуудна. Нар өндөрт хөөрхөд шүүдэр хатаж манан арилаад байгаль узэсгэлэнтэй сайхан енгө төрхийг олж, далбагар том гишүүнэ, гоньд, арсгар ягаан цай өвс ургасан ногооны талбайн далан дээгүүр хөх цэхцэгий өөд уруу нисэн бууж, морьтой явган нанчилдагчдыг гайхан харж ямар гэгч юм болж байгааг ойлгохыг хүссэн мэт үзэгдэнэ.

Тариачдын навтгар хуучин байшингийн наагуур цаагуур хятад монгол цэргийн ангиуд сүлжилдэн бужигналдацгааж хэн нь хэнийгээ дийлж, аль тал нь хаана байгаа нь мэдэгдэхийн аргагуйд хүрэх удаа ч тохиолдоно. Хэсэг хугацаанд аль аль тал учраа мэдэхгүй балбалцан газрын хөрсийг цусаараа бялдаж байтал модон дотроос нанхиад цэргийн шинэ хүч гүйлдэн гарч иржээ. Дайжушилэгт үүнийг хятадын туслах хүч ирэв хэмээн сэтгэж,

— Урагшаа цэргүүдээ! Баатар хөвгүүд ээ! Миний хойноос гэж уриалаад зуутаа дагуулан модноос гарч ирсэн нанхиадуудын хажуу хавирганаас шаан оров.

Гэтэл цаадуул тэдэнтэй хатгалдсан ч үгүй эргэж мод уруу зугтав. Тэдний цаанаас модон дотор монгол цэрэг байлдан явах нь харагдахад үүрээр тэднийг бүслэхээр явсан хятад цэргүүд Байдар ноёны нэмэгдэл хүчинд цохигдоод зугтаж явааг сая ойлгожээ. Зугтагсдыг Дайжишилэгт буруу талаас нь дайрч нанхиад цэргийн гол хүчтэй нийлүүлэх дөхсөнеө ухаарав. Морины амыг эргүүлсэн боловч тэдгээр цэргүүд мод шугуй дамжин гол уруудан гүйсээр ид тулалдааны хэсэгт Сүн улсын цэргүүдтэй нийлж авав. Монголчууд морины хурдыг шүтэн дайсны сул талын жигүүрийг гярхай олж хүчээ шилжүүлж, ээлж дараагаар цохилт өгч давшсаар тулалдааны явцыг эсрэгээр өөрчилж чадав, Үүрээр бүслэх гэж давшсан Чжао жанжны цэргүүд еөрсдөө бүслэлтэнд хаагдсан байлаа. Тэд буслэлтээс гарах гэж тэнхээ мэдэн тулалдах боловч явган цэрэг хаа холдох вэ? Чжао жанжнаас цэрэг удирдаж ирсэн өвгөн жанжин мориндоо нэг мордож тариачны овоохойд нэг орж эртхэн ухрах учиртайг оройтуулж цаг алдсанаа сая ухаарч тэвдэж байлаа. Нар дээр хөөрч халуу дүйглээ. Ногооны талбайн судаг бүрд шархтсан үхсэн хүн ундуй сундуй хэвтэж ёолон гаслах дуу чихнээ хадна. Байдар ноёны мянгат тулалдаанаа түр зогсоож Сүн улсын цэргийн үлдэгдлийг буулган дагуулах тухай тулган шаардахаар тусгай хүн илгээлээ. Тэр хэлмэрч цэрэг нанхиадын шивээлэн хориглосон цэргүүдийн емнө омголон морио цамнуулан байж өндер дуугаар ийн өгүүлэв:

-Хүүш! Нанхиад та нар сонс! Да Хуан боомт буусан. Энэ хар шугуйд та нарт туслахаар дахин хүч ирэхгүй. Амь амиа тээж, толгой толгойгоо хоохойлсон нь онох бус уу? Буугтун! Буугтун! гэхэд бүслэгдэж цөхрөнгеө барсан цэргүүд эргэлзэн бодлогоширч, нэг нэгийн нүүрийг харахгүйг хичээн дор дороо газар ширтэн займчин холхиж, нэгэн үе тээнэгэлзэв. Урам орж

зоригжсон. хэлмэрч залуу нанхиад цэргүүдэд тулан очиж,

-Буугтун! Ноёноо гаргаад өг. Түүний аминд ч өлзийтэй. Нар хурмастын зулайд тогтох үед жад мэсээ хаяж ногооны талбай дээр жагсацгаа. Өлзийт ноёнд өвдөг сөхрөн өршөөл гуйвал нийгүүлсэн соёрхох болно. Дагагтун! Эс дагагсдад үхэл! хэмээн өндөр дуугаар дахин хашгирав. Овоохойн нөмөрт шадар эрсүүдээрээ хүрээлүүлэн бухимдан уйлж суусан хөгшин жанжин мориндоо ухасхийн мордож цадиггүй бархиран зогсох элч өөд дөхөж,

-Чи муу зүрчидийн бөгсний алчуур сонс! Зүрчидийг унахаар монголчуудад шилжээ юү? Наад муусайн талын зэрлэгүүддээ хэлээд орхи. Миний зүрх цохилж байсан цагтаа тэнгэрийн хүү Кай Цин хуандийн жанжин би хэзээ ч хүний ул долоож яваагүй юм. Тэр тусмаа би монголчуудын морины туурайг долоохгүй гэдгээ тангараглая. Үтэр тонил. Далд ор гэж уужим ханцуйт торгон дээлэн дээр өмссөн алтан чимэгтэй гялалзсан хуягаа дэлдэн байж амьсгаадан хашгирав. Уур нь хүрч уушиг нь сагсайсан хэлмэрч залуугийн нуд нь булингартан,

-Намгийн муу илжирсзн хуандийг тэнгэрийн хаантай зүйрлэнэ үү! Ертенц дээр ганц Чингисийн угсаа Мөнх хаанаас өөр эзэн байхгүй гэдгийг мэд. Хэрээ мэдэж сагсалз, нэрээ мэдэж ольболз! Муу хөгшин луухаан чиний цусаар ногооны чинь талбайг услаад өгөхөөр ухаан орох вий гэж занаад морио гуядаж ухасхийн буцаж давхив.

Байдраг ноёны илгээсэн гурван мянган цэрэг Өлзийт ноёны удирдлагаар нанхиадын бүслэгдсэн цэргийг нухчин дарж зүйл дуусгахаар морины хурдаар дайран довтоллоо. Хятад хөвгүүд гарах гарцгүй болсон ч зоригтой зогсож өөрсдийнхөө үхлийг тэсэн хүлээв. Дахиад л шархтсан хүн мал орилж, зэр зэвсэг харшилдан хангинав.

Хятадын түрүүч эгнээ морьдын хөлд гишгэгдэн алга болоход арынх нь эгнээ жадаа арзайлган залгана. Дайжушилэгт зуутаа шамдуулан урагшилж, баруун солгойгүй цавчиж. чичлэн хатгах жаднаас далдиран зайлж бамбайгаараа халхлан тулалдсаар байтал нанхиад

цэргүүд аажмаар түрэгдэн ухрах нь илэрхий болов.

Тулалдааны бишгүүр байн байн дуугарч, ялалт ойртсоныг дохиолно. Зуутын угууд хориглолтын төв өөд улам дөхнө.

Гэнэт өвгөн жанжны тулалдаанд оруулаагүй хүлээлгэсэн цэргүүд байшингийн араас хошууран дайрч морьт цэргүүдийг жадлан унагав. Самгардсан хөвгүүд цочирдож гэдрэг буцаж давхихаар завдав. Энэ үед Абагахирилтуг урт жадаа эргэлдүүлэн хуучин даргаа хамгаалан ухасхийв.

-Шилэгт! Цэргээ тогтоо! Би эдэнд үзүүлээд өгье гээд тал талаас ноцох явган цэргийн дунд эргэлдэн бусгаж, хүнд жадаараа ширвэн цавчиж бужигнуулж гарав. Нөгөө жигүүрт нанхиад цэргийн дунд эцсийн боломжийн туршин тулалдаанд биеэр орсон хятад жанжин байн байн дөрөөн дээрээ өндийн,

-Зоригт хөвгүүд минь урагшаа! Күн Фүцүгийн сургаалыг санагтүн! Тэнгэр эздийнхээ төлөө үхэж тэнгэрийн оронд төрцгөее. Эрх дагина Гуан Нинь минь ядарсан бидний сүнсийг тэтгэж ав. Урагшаа зоригт дайчид минь хэмээн уриалан зоригжуулж явна. Удалгүй Сүнчүүдийн шинэ хүч урагшлах тамир алдарч дороо займчив. Хэдэн хурам өнгөрөхөд ухарах төлөвтэй болжээ. Өвгөн жанжин цэргийнхээ түрүүнд гарч бие хамгаалагч залуу хөвгүүдээр хүрээлүүлэн довтолгооныг чадах ядахаараа дэмжин хөгжүүлэх хэмээн зорино. Гэвч энэ ялах ялагдах асуудал биш нэр төрийн хэрэг байжээ. Одоо яаж ч тэсвэрлэн хатгалдаад монголчуудын хатуу гараас мултрахгүй хиар цохиулах нь хэн бүхний нүдэнд эргэлзээгүй илэрхий болжээ.

Абагахирилтуг Дайжушилэгтийн дэргэд давхин ирж,

-Шилэгт хоёул тэр өвгөн жанжныг олзлон авъя хэмээн уриалан өдөв. Тэр хоёр зуутаа дагуулан буурал сахал үс нь паалантай дуулганы доороос сөрвөлзөн намирах хятад жанжин өөд тэмүүлж алхам алхмаар ойртов. Жанжны бие хамгаалагч нэлхгэр хар нөмрөгтэй булиа бүдүүн залуу жадаар ширвэн түлалдахын сацуу жанжин уруу нь ховдог өлсгөлөн нүдээр харж гэтэн дөхөхийг үзээд түүний замыг хаахаар ухасхийв. Тэр бор хул морьтой нанхиад баатар долгио хэлбэртэй юүлдэн жадаа сөлбөлзүүлэн Абагахирэлтугийг амданирлээ. Тийн тулалдааны талбарт арслан барс уулзаж архиралдан ухасхийж, нэг нэгийгээ тасчин хаяхаар зүтгэв. Хоёр их хүч лүсхийтэл тулж, бархиралдан тэмцэлдэх үед нанхиад баатрын морь эзгүй давхиж Абагахирилтуг жадны үзүүрт сүлбүүлсэн хөөрхийг хэд сэгсчсэнээ нанхиад цэргүүдийн дунд хаяж орхив.

-Аймшигт үзэгдлийг харсан цэргүүд цочирдон ам ангайх агшинг завдаж Дайжүшилэгт улам дотогшлон буурал жанжны толгойд цалам хаяж мориноос нь суга татан авчирлаа. Тулалдаан цааш даамжран үргэлжилсэнгүй. Энд тэнд бууж байгаа цэргүүд үзэгдэж тэднийг бөөн бөөнөөр нь тууж ногооны талбайд жагсааж байна.

-Дайжушилэгт хүлээстэй жанжныг мориндоо дүүрч тулалдааныг ажиглан модны сүүдэрт суусан Өлзийг ноёнд хүргэж ирвээс тэр баярлан дуу алдаж,

-Шилэгт эр хүн. Баянлиг баатрын шийрийг хатаах хүү дээ хэмээн дэргэд байгаа мянганы ноёдод гайхуулан өгүүлээд өвгөн жанжны хүлгийг тайлуулан суллав, Тэрхүү өвгөн дуулга нь унаж сэгсийсэн буурал толгойгоо зууран гасалж өвсөн дээр гашуудан суужээ. Өлзийт ноён түүний өмнө очиж,

-Зоригт жанжин бүү гашууд. Би чиний баатар зоригийг шагшин бахдаж байна. Та нар үнэхээр байлдаж сураагүй улсууд байна. Тэнгэр биднийг тэтгэсний тул одоо яая гэх вэ. Би чиний зоригийг үнэлж амийг чинь хэлтрүүлье хэмээн хэлүүлэхэд нөгөө өвгөн Өлзийт ноёны дэргэд заналт муу хэлмэрч байхыг дахин үзэж,

-Би өчүүхэн муу ноёдоос амь гуйхгүй. Миний амийг тэнгэрийн хүү Кай Цин хуанди мэдэхээс биш наад муусайн алцгар цэргүүд мэддэггүй юм. Чиний өмхий амнаас гарах үг бөөлжисийг минь хүргэж байна. Дахин бүү дуугар хэмээн бахардан хашгирав. Монгол ноёд нанхиад жанжны тийчлэн бархирч голгойгоороо газар дэлдэхийг үзээд,

-Энэ ноён юу гээд байна гэж хэлмэрч уруу ширүүн харахад тэрбээр бяцхан түдгэлзэж,

-Ноёнтоон, биднийг мөчөөрхөн басамжилж байна хэмээн уруу царайлан өчив. Өлзийт ноён царайгаа барайлган бодлогошрон зогссоноо мориндоо мордож,

-Амьдын заяагүй өгөр толгой юм даа. Уух усан нь ханасан юм байлгүй. Цовдол хэмээн тушаагаад мянгатын ноёдуудтай зуузай холбон саяхан барьсан асрын зүг шогшин оджээ. Дайжушилэгт өвгөн нанхиадыг цовдлогч хиа нарыг орхиж зуутаа дагуулан олзны цэргүүдийг эмхлэн хураахаар үдийн халуун наранд униартан суунаглах ногооны талбайгаар давхин.«Хор шартай хөгшин байна шүү» хэмээн амандаа шивгэнэж амийг нь өршөө гэхэд хүлээж аваагүй жанжны тухай гайхан бодож явжээ.


Top
   
PostPosted: Oct.09.15 2:20 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван наймдугаар бүлэг

Хэдэн өдөр үргэлжилсэн элсэн шуурга намдаж гэнэт халуу шатав. Ачигхори ноёны түмт амрах завгүй урагшилж Хулагуу хааны тулалдаж буй Зээрд хөхийн нурууг зорьжээ. Элсэнцэр шар гүвээ хязгааргүй үргэлжилж, нүд гялбуулан гялтганана. Морины хөлөөс үргэж босох замба гүрвэлээс өөр хөдлөх амьтан нүдэнд үл өртөнө. Дайны хөлөөс дайжин зайлсан нутгийн хүн ард газрын хаагуур орсон нь мэдэгдэхгүй алга болцгоожээ.

-Мустасим халифын цэргүүд говь хээр газар Хулагуу хаанд хялбархан цохиулж Бахтиярын уулын суга өөд ухарсан боловч хойноос нь мөшгөн хөөж нухчин дарахаар давшсан түмтүүдийг Хухистаны ууланд нэвтэрмэгц бөглүү ам хавцалд бүгэн нуугдагч лалын нууц бүлэг гашиш нар харийн цэргийг галзуутайяа эсэргүүцэн тэмцэж тэдний дайчид нь хөл гарыг тасдавч үл ухран дайрч давшлах нь бэрх тул довтолгооны эрч аяндаа буурчээ.

Сабраг Улагаа ноёны шинээр үүсгэсэн мянгатад багтан Хулагуу хааны гол ордыг хамгаалах Ачигхори ноёны түмттэй аажуу уужуу замнасаар Исфаган хотод ирж тэндээсээ хойд этгээдэд аялан Хөхруд голын эрэгт их өргөөг засаж, эзэлсэн нутгийг захирах ахлагч даргач нарын дагуулан монголоос ирсэн эмс охид, цэргийн ноёдуудын гэр бүлийг тарааж хуваарилан төвхнүүлж орхижээ. Сабраг хонгор гэргий Нэмүүлэнгээ Султан балигаас холгүй Дешт кумийн хөндийд Хаданчигай ноёны бага хатан Камилагийн өргөөг түшүүлэн үлдээж хялгасан шилбүүртнүүдийг зарахад нь хамжуулах ажээ.

Нэмүүлэн Сабраг хоёр үргэлж цуг явах юм шиг санаж явснаа салан хагацахын цагт дээрх бодлын хоосныг сая ойлгож балмагдан гайхширчээ. Алс холын харь оронд элдэв тэнэмэл дээрэмчин, хэсүүл дэрвиш, оргодол боол, ядуу гуйланчаар дүүрсэн элсэн цөлд хатуу хөтүү амьдрал үзээгүй турьхан хонгор бүсгүйг ганцааранг орхисондоо Сабрагийн сэтгэл түгшиж хоол ч хоолойгоор нь орохгүй, дуу ч амнаас нь гарахгүй хэд хоног аялан явав. Цэргүүд өөрийнхөө дуу шуугүй дүнсийх залуу даргыг сэм ажиж битүүдээ учрыг гадарлавч хэзээ ам нээх бол хэмээн хүлээх мэт гайхашран гэлдрүүлнэ. Халуунд нозоорч сэтгэл дарамтлагдан уцаар ундууцал төрөх хөөрхий бие найз нөхдөө үгүйлж, урагш давшин одсон Жутаа Минсэл нарын зуут үзэгдэнэ үү хэмээн алсын бараа харж явав.

Ядахад аравтад цуг байж ижил дасал болсон Бордой өөр зуутад аравтын даргад тохоогдсон байлаа. Хаданчигай ноёны мянгатад үлдсэн харгис хэрцгий Цоорчигон хүртэл түүнд үгүйлэгдэнэ. Өдөржин түүний хажуугаас салалгүй дагаж сэтгэлийг нь сэргээх арга сүүхээ эрэлхийлэн дэмий чалчиж залхуу хүргэж явснаа салцгаасан анд Аргайгаа дуудъюу хэмээн сэтгэж явтал ард явсан цэргүүд шуугилдав.

-Юу болов хэмээн амандаа үглээд эргэж харахад кимаг, монгол, уйгар, тажиг олон хэл хоорондоо хутгалдан дүнгэнэж юу ч ойлгогдсонгүй. Хажууд явсан тугч,

-Тэр хойно тэнгэрт зэрэглээ гарлаа хэмээн догдлон хашгирахад Сабраг сая бүх цэргүүд нэгэн зүг ширтэж гар хөлөө гозолзуулахыг анзаарав. Нар баруунаа нэлээд гудайж элсэн толгодыг гялбуулж байжээ. Толгодын дээгүүр харагдах мөнгөлөг үүлэн дээр тэмээн жин явж байгааг олж үзэв. Тэмээн жин тайван алхана. Жингийн тэмээний хөл нь харагдахгүй байвч намс намс алхаж байгаа нь мэдэгдэж байлаа. Жингийн цуваа үе үе жирэлзэн алга болсноо гэнэт тодорч ачсан бараа болон татлага дээс нь хүртэл ялгарч харагдана. Цэргүүд морин дээрээ өндийж тэнгэрт чимээ аниргүй хөвөх хачин жигтэй зэрэглээг алмайран ширгэцгээнэ. Гэнэт тэмээн жинтэй зэрэгцэн хээр морьтой хуягт цэрэг хөвөн орж ирлээ.

Цэргүуд ам амандаа дуу алдацгааж,

-Монгол цэрэг байна. Ээ хөх тэнгэр! Эзний цэрэг харагдав хэмээн шагширцгаав. Тэнгэрт дүүлэх дайчин эр тэдний дууг сонссон мэт эргэж харав. Мах нь шуугдаж, ямаан сахал тавьсан боловч тэр хүн Жиглэг болох нь шууд танигдав. Сабрагийн толгой уруу аянга ниргэх шиг болж нүд эрээлжлэн дайвалзаж юу болж байгааг ухаарахаа болив. Хөөрхий тэр эр, морио давирч элсэн толгод өөд хар эрчээрээ дүүлж,

-Жиглэг ! Миний дүү! Жиглэг хүлээгээч хэмээн дуу тавин харвахад зуут цэрэг алмайран гайхаж хоцорсноо гэнэт ухаан орох мэт шуугилдан дарангуйлагчаа даган ундуй сундуй давхицгаалаа. Тэнгэрт тольдогч зэрэглээ хэд дахин жирвэлзэн тодорсноо замхран алга болжээ Цэргуүд тэнгэр өөд тэмуүлэн зүтгэх даргыгаа тойрон бөөгнөрч хий л шуугилдацгааж ухааруулан тайтгаруулахыг оролдон бужигнацгаана. Элсэн дээр Сабраг хөрвөн тийчилж Аргайтай ноцолдож,

-Миний дүү! Намайг аваач! Тэнгэр минь намайг аваач! хэмээн сөөнгө хоолойгоор уухилан хашхирч дийлдэхгүй байхад хэд хэдэн аравтын дарга нар мориноосоо үсрэн бууж түүнийг дарж авлаа. Сабраг хүчинд автсаны эрхэнд эхэр татан уйлж,

-Хөөрхий муу дүү минь хэзээ тэнгэрт хальчихаа вэ? Ээ халаг! Би ямар заяагүй төрсөн эр вэ! гэж өөрөө өөрийгөө гиншин зүхэж байв. Удалгүй Сабраг бага зэрэг тайвширч барвагар хар

гараа нэг үзэж, тэнгэр өөд нэг харж санаа алдан суув. Аргай түүний хажууд морио цулбуурдан явган сууснаа,

-Ямар ч гэсэн нутгийн зүг морилж байна гэж хэлэв. Сабраг сая сэрсэн мэт түүнийг гайхан анзаарч,

-Юу тэр вэ? хэмээн уруу царайлан лавлахад,

-Жиглэгийн сүнс тэр ээ. Чингис хааны ивээл дор очжээ гэж Аргай өөрийгөө итгүүлэх мэт батлан өгүүлэхэд Сабраг бодол болон толгойгоо дуугүй дохиж илч нь буураагүй наранд ээгдэн суусаар байв. Аргай хэсэг зуур дуугүй сууж цөлийн бударганы навч тастан имэрч байснаа,

-Яагаад энд явдаг юм болоо? Булгачингуудын газар Нанайнуудад хорлуулсан гэж ярьсан биш үү? гэж суухад,

-Мэдэхгүй. Ийш нь зарсан юм байлгүй гэв.

-Хэн?

-Чингис хаан. Эсвэл өөд болсон өөр хаад ноёд хэмээн итгэл муутайхан өчихөд Аргай тэнгэрийн байдлыг ажиглан,

-Энд ч тэр, тэнд ч тэр бас л хаад ноёд харц биднийг зардаг тавилантай байх нь ээ гээд санаа алдан босож эмээл, саадаг юугаа засаж -Сабраг хөдөлье. Цэргүүд биднийг хүлээж байна гэж хэлэв. Зуут цэрэг элсэнцэр толгодын хярд ундуй сундуй сууцгааж өөр хоорондоо ямар нэгэн зүйл зөвшин маргалдана. Сабраг Аргай хоёрыг мордож ирэхэд яаран жагсаж Зээрд хөхийн униартан хүрлийх дүнхэр нурууг чиглэн хөдлөв. Орой хэрд өвс ногоо элбэгтэй уулын хавчилд буусан мянгатынхаа шивээнд ирж асар майхнаа босгов. Хоол цайгаа чанаж, унтаж амрахаар хажуулцгаав. Өдөр харагдсан зэрэглээний тухай янз янзаар хэлэлцэж, урьд өмнө үзсэн харсан, дуулсан сонссон жигтэй сонин түүхийг ам булаацалдан ярилцацгааж байхад ядарч зүдэрсэн Сабраг дуг нойрондоо дугжирсан байлаа.

-Маргааш өглөө мандахын улаан нарнаар Ачигхори ноёны түмт ачаа хөсгөө татаж замд гарав. Аялан үдлэн явсаар Хулагуу хааны туг дээр ирж нийлэв. Тэднийг Зээрд хөх уулын урд хөндийд хэд хоног амраагаад Маламир ууланд Ала Ад дины гашиш нарыг авлаач цэрэгт нэмэгдэл хүч болгон илгээжээ.

-Ууланд цөлийг бодвол гол горхи шоржигнон урсаж, цэцэг навч дэлгэрч, амьсгал тавигдан сэрүүцэх боловч хад чулуунд морины туурай улдаж урагш явуулахгүй ихэвчлэн явган гэлдрэхэд хүрнэ. Гашиш нар өндөр уулын цавчим хаданд чулуун цайз, хэрэм барьж хэнийг ч оруулахгүй хориглох бөгөөд нутгийн ардууд тэднийг чухам хаана байрладгийг хэлэхээс ихэд эмээж, аашилж аргадавч үг үл дуугарна. Гашиш нарт хор хүргэвээс дараа хэзээ нэгэн цагт тэдний гарт үхлийн муугаар үхдэг тул тэд ийнхүү эмээх ажээ.

-Сабраг Улагаа ноёны удирдалгаар уулын ам, хавцал бүрийг нэгжин улс амьтныг хоморголон барьж ,байцаан сураглах боловч баригдашгүй гашиш нарын ул мөрийг гаргах ажил талаар өнгөрнө. Хулагуу хаан гашиш нарыг нэгмөсөн устган цэвэрлэхээр их цэрэг бэлтгэн цаг хугацаа яаруулахын хэрээр гашиш нарын үүр уурхайг илрүүлэх явдал улам гацаж Сабрагийн тэвчээрийг алдагдуулахуйд замд тааралдсан энгийн номхон ардыг эр эм ялгалгүй хүйс тэмтэрч, гэр орныг нь орвонгоор нь буулгаж явжээ. Түүний зөөлөн сэтгэлтэй өрөвчхөн занг мэдэх Аргай анд нь айж болгоомжилсон байдалтай сэм ажиглан гайхаж явлаа. Сабрагийг нэг өдөр Улагаа ноён дуудаж Тангисир уулын нарийн хавцлуудад зусах Ассад меликийн өргөөг тагнуулахаар зарлиг буулгав. Сүүлийн үед гашишийн толгойлогч Ала Аддин, Ассад меликийн иргэдийг ивгээлдээ авч зузаан хэлхээ холбоотой байсан сэжиг гарчээ.Тэд хоёр өдөр ой шугуйтай нарийн хавцлаар аялан явсны эцэст хад чулуугаар шивээлэн барьсан суурин газар дөхөж ирлээ. Аравт цэргийг урагш тагнуулаар илгээв. Тэд эргэж ирээд сууринд ганц ч амьд амьтан байхгүй байна гэж мэдээлэв. Эргэн тойрон битүү ногоон бургасанд умбасан хадтай уулын хавцал дахь тосгонд Сабраг цэргээ дагуулан орж ирэхэд муур нохой ч үзэгдэхгүй эл хуль оргиж байлаа. Тосгоны голд орших, урьд нэлээн чинээлэг айл байсан бололтой том дааман хаалгатай өндөр таазтай чулуун байшинд бууж гал түлүүлж хоол цай хийлгээд тосгоныг нэгжүүлэхэд ганц сохор өвгөн үлдсэн байсныг олж ирэв. Тэр өвгөн их дуугаар бархирч, Аллах тэнгэрийг дуудан гасалж байв. Сабраг хуйтай сэлмээрээ өвгөний хэнхдэгийг чичих,

-Чи юун хүн бэ? Яагаад ганцаар энд гаслан зовно вэ? Нутгийн иргэд хаачсан бэ? хэмээн араб хэлээр зандран асууваас,

-Би өгөрч хэвтэх тавилантай зөнөг толгой билээ. Ач гуч нар маань Ассад меликийн дуудлагаар ууланд дүрвэхдээ тээр шаан орхиж явсан юм. Би хэнд ч хэрэггүй хээр хэвтэгч хөсрийн яс лугаа ижил амьтан. Ингэж хаягдсанаас үхэж далд орох минь яав хэмээн гаслан өчихөд Сабраг хүйтнээр инээмсэглэж,

-За би чиний тасраагүй амийг чинь тасалж өгье. Харин чи над Ала Аддин хаана байгааг зааж өг гэж ууртайгаар шивгэнэв. Өнөөх өвгөн цочиж,

-Аяа Аллах тэнгэр минь өршөөж хайрла! Хамгаас хүчит, хамгаас энэрэнгүй Аллахын нэрийг барьж тангараглая. Зөнөсөн муу өвгөн Ала Аддиныг хаа буйг яаж мэдэх вэ! Нүд минь юм үзэхийг байж, эрүү өвдөг минь нийлснээс хойш өчнөөн жил өнгөрсөн билээ. Буурал болсон би юу мэдэх билээ хэмээн мэгдэн өгуулэв. Сабраг тэр өвгөнийг заамдан гулдарч,

-Хөгшин муу чөтгөр чиний нүд харахгүй ч чих чинь байна. Чамайг хэлэхгүй бол аймшигтайяа зовооно гэж сүрдүүлвэл,

-Бүхнийг тэтгэгч Аллах тэнгэр минь өршөе! Битгий намайг зовоо. Би дуулаагүй! Би дуулаагүй! гэж бачимдан орилов. Хоёр цэрэг түүнийг чирч хашаанд гаргаад жанчиж гарав. Сабраг муухай бархирах өвгөний дуунд эмзэглэн ярвайж дүнсийн суутал Аргай орж ирэв.

-Сабраг өнөөх гайхал чинь амь тавьчихлаа гэж өгүүлэхэд,

-Мэдэж байна. Юм хэлэв уу? гэж цөхрөнгө дуугаар асуув.

-Сефид, Кур голын арал, Хөх Динау ууланд гэнэ. Цааш нь хэлуүлэх гээд дийлсэнгүй. гэж өчив.

Тэд гашиш нарт дайруулахаас болгоомжлон тэр шөнөдөө эмээлээ авалгүй үүр цайлгаж нарийн хавцал өгсөн Хөх Динау уулыг чиглэн хэдлөв. Сефид голын хөндийг гаталж Хөх Динау уулын сугад хурэв. Өндөр хадан хавцлын бороонд идэгдсэн хайрга чулуун сайр дагаж мушгиралдан явсаар өдрийг өнгөрөөв. Орой болов. Нөгөөх жалга дуусах яагаа ч үгуй үргэлжилсээр ажээ. Зам харгуй үерт идэгдэж алга болсноо дахин тодорч хоёр талаас ээлжлэн хошуурсан хадан хясаа хязгааргүй давтагдан явах дутам хавчиг болох бүлгээ. Шөнийн харанхуй нөмөрч тэнгэрт одод гялалзана. Хоёр талаар сүндэрлэх элгэн хадны чөлөө завсраар тэнгэрийн өчүүхэн хэсэг нь харагдана. Морин дээр нүд анилдаж өмнөх газар харагдахгүй болоход Сабраг арга буюу цэргүүдээ амрааж сайр дээр жодгор майхнаа шавж, хадан завсар ургах харганы иш түүж, гал түлж цай чанаж уух зуур гурван цэргийг урагш давшуулж толгойн сэргийлэхэд тавилаа. Цайгаа ууж дуусаад унтахаар зэхэж байхад тэнгэр бүрхэж, юм үзэгдэхийг байж, хааяа жалга даган

бүлээн салхи үлээж, үе үе борооны том дусал ганц хоёр дусалж байлаа. Сабраг эмээлээ дэрлэн майхны даавуу салхинд дэрвэгнэхийг чагнан хэвтсэнээ нэг мэдэхэд дуг нойрондоо умбажээ. Шөнө дунд нэг сэрэхэд цахилгаан цахилж, Тэнгэр дуугарч байлаа. Хэн нэг хүн мөрнөөс нь татаж,

-Дарангуйлагч аа! Сэр сэр! Хөх Динау уулын оргилд бороо цутгаж байна. Жалгын ус бий боллоо. Доороосоо норчихно гэхэд Сабраг нойроо харамлан уцаарлаж амандаа шуухитнан цааш хараад хэвтэх гэтэл гаднаас улс амьтан шуугилдах дуулдав,

-Босоорой! Босоорой!

-Юу болов?

-Үер! Үерийн ус! гэж хашгиралдах дуулдав.Сабраг ухасхийн босож эмээлээ тэврэн гарвал жалганы эхнээс гүйлдэх цэргүүд харанхуйд харагдав. Яг энэ агшинд цахилгаан цахихад морь мал, хад чулууг хаман саарал хадан хавцалд багтаж ядан үерийн ус уруудан орж ирж байгаа нь үзэгдлээ. Сабраг эхлээд тэр ер бусын үзэгдлийг ус гэж огт итгэсэнгүй. Нурсан элс гэлтэй бодогдов. Атиралдан оволзох их үерт хэд хэдэн майхан дарагдаж алга болов.

-Гэгээ тасарч тас харанхуй нөмрөн авахуйд хөл доор нь ус шалчигнаж нүруугаар нь хүйт даав. Сабраг эмээлээ хажуу тийш чулуудчихаад өмнө нь харлан харагдах хадан хясаа уруу харайлган тэмтэрвэл азаар гар доор ан цав баригдаж түүнииг дамжин жижиг дэвсэгт авиран гарвал хөл доогуур нүргэлэн шуугих ус бялхан хуйларч, үерт авахуулсан адуу хуурхиран унгалдаж урсана. Усанд живсэн цэргүүдийн хахаж цацан орилох дуун яс хавталзуулан аймшигт шуугиан бүр ч зэвүүн сүрдэм. Түүний хоёр суганаас хүчгэй гар татаж өргөхийг анзаарвал намхан пагдгар уйгар цэрэг байхыг танив. Хажууд нь баядын хөгшин хар цэрэг дэвсгийн ирмэг дээр зогсож, майга хөл дээрээ хатирах мэт намалзан гартаа цалам эргүүлэн сүүтэгнэнэ.

Цахилгаан дахин цахиж хавцлыг гэрэлтүүлэв. Энэхэн агшинд завдаж шаваргай шар усны долгионы аясаар цухалзан булталзах гар хөлд цалам шидэж амьд явах азтай хоёр хүнийг бугуйлдаж гаргав. Сүүлийн удаад гаргасан хүн нь толгойн сэргийлэхэд илгээсэн гурван цэргийн нэг бавгар хар сахалт Гога хэмээх гүрж цэрэг байв. Тэрхүү гүрж мориныхоо дэлийг тавихгүй зуурч уснаас гарахгүй нэлээд тэвдүүлэв. Морь нь хад уруу хэд цоройсноо усанд далд орж толгой нь шоволзсоор харанхуйд урсан алга боллоо. Шөнөжингөө үер урсав.Үүр цайх хэрд аажмаар ус татарч жалгын ёроолоор багахан горхи шоржигнон урсаж байна. Саяхан энд их ус бургилан оволзож байсан гэхэд итгэмээргүй ч юм шиг.

Хавцлын хясаагаар шоргоолж мэт тарж суусан цэргүүд ганц нэгээрээ уван цуван бууж ирцгээв. Эл цэргүүд зэр зэвсэг ч үгүй ерөөсөн гутал, хагас дутуу хувцастай, зарим нь бүр нүцгэн шахам дагжиж хурц хайрга чулуун дээр эмзэглэн баацганана. Тэд дахиад үерлэх вий гэж сүрдэн зүрхээ авахуулсан байдалтай хавцлын эх өөд болгоомжлон хялбалзаж нэг нэгийгээ мэгдэнгүй ажиглана. Сабраг өөрийн зуутаас хориодхон хүн үлдсэнийг мэдээд хирдхийн цочиж,

— Миний зоригт дайчдаас ердөө та нар үлдсэн гэж үү! Бусад нь хаачив? Лус савдаг аваад явчихав. уу? Ээ халаг! Ала Аддин чиний хийсэн хорлол уу? Ээ халаг! гэж эргэн тойрныг ажиглаж — Алив Хадран Огсен хоёр аравтаас үлдсэн цэргээ авч доош гүйгээд амьд амьтан байвал цуглуулж ир хэмээн тушаагаад чулуу сандайлан суув. Уруудсан цэргүүд уулын толгойд нар тусах үед доголсон, доголоогүй таван адуу, бэртсэн бэртээгүй арваадхан хүн дагуулж ирэв. Цааш явах нөхцөлгүй болсон тул мянгатдаа эргэж очихоор ам уруудав. Замдаа бут бургасны мөчир, бул чулууны ёроолд тээглэж үлдсэн гутал хувцас, зэр зэвсгээ түүж нүцгэн нэг нь ижил буруу ч атугай гуталтай болов. Бага үдийн алдад хад чулуунд даруулж хөл гараа гэмтээсэн амьтай голтой ганц хоёр цэрэг тааралдаж гучин дөрвүүл болов. Шархтай хэд нь сундалж, эрүүл хэд нь явгалж уулын жимээр гэлдрүүлж явтал өөдөөс нь илжиг хөтөлсөн дэрвиш сажилж айсуй тааралдав. Тэр дэрвиш морьтой явган ноорхой цэргүүдийг үзмэгц зог тусаж илжгээ эргүүлэн буруулахыг завдав. Сабраг ухасхийн гүйцэж замыг нь боож саатуулахад тэрхуү дэрвиш урт дээлнийхээ хормойг чичигнуүлэн илжигнээсээ гулсан бууж газар сөхрөн мөлхөж амь гуйн мөргөх авай.

—Чи юун хүн бэ? Энэ их хадан дунд ганцаар юу хийж сэлгүүцнэ вэ? гэж зандран асууваас дэрвиш толгой өндийлгөж духдуулсан малгай доороос гялсхийх хурц нүдээр түүнийг харснаа харцаа буруулж,

—Би ядуу муу дэрвиш Харшун Аль Бадни гэгч байна. Дэвэн дэлхийгээр хэрэн тэнэж, зовж гунихарсан нэгэнд тус хүргэж буян үлдэж явна. Та бүхнийг ажиглаваас Аллах тэнгэрийн хилэнгээр үерт авахуулан зовсон эрсүүд бололтой. Өчүүхэн миний эрдэм хэрэг болох аваас дуртайяа туслах асан гэж очив. Сабраг түүнийг сэжиглэнгуй ажиж,

—Тийм бол чиний тус бидэнд чухал байна. Чамд халуун намдаах, ухаан саруулжуулах эм тан юу байна, түүнээ үтэр гаргасугай. Миний зарим дайчдын бие чилээрхсэнийг үзэв үү. Тэднийг бушуу түргэн илаарь болговоос чиний амийг хөнөөлгуй орхиё гэв.

—Тэр дэрвиш шороонд халтартсан хар нөмрөгөө гүвэлгүй босож илжгэнд тохоостой богцондоо дөхөж илгэн хавтгатай ногоон зуулт, хивдэс аятай юм гаргаж мориноо тогтож ядан энэлэх шархтан цэрэг өөд сарвайв. Шархтнууд гашуун ногоон хивдэсийг ярвайн зажилж, тэднийг шаван сонирхох бусад цэргуүдийг гөлрөнгө нудээр тойруулан харцгаана. Аман дахь хивдсээ залгиж амжаагүй байтал царай алдаж унжийсан шархтнуудын нүд нь сэргэж, нуруу нь тэнийж хөл гараа бяцарсныг мартсан бололтой эмээл дээрээ өндөлзөн маасайтал инээвхийлэв. Сабраг болон бусад дайчид харсаар байтал засал авч тэнхрэх эрсийг гайхан бүчиж үнэхээрийн чадалтай эмийг бишрэн шүтэв.

Сабраг мориныхоо дэлэн дээгүүр тонгойн дэрвишийн гараас хавтгыг угзран авч,

—Энэ юу гэдэг эм гээч вэ? Чи эдэнд юу уулгав? гэж сониучирхан асуув. Дэрвиш уриалгахан бөхөлзөж,

—Энэ бол Аббас газарт байх Аллахын ариун тунгалаг рашааныг зуун өдөр, зуун шөнө буцалгаж Меккийн шидэт кааб[Дөрвөлжин хар чулуу] дээр хөргөөд, хангарьд шувууны сангас, мисир саримс; алтан зөгийн бал, түмэн уулын гун дaа цэцгийн дэлбээг хольж нухан зуурахад ядарсныг тэнхрүүлдэг, уурласныг баярлуулдаг шидэт эм бүтдэг юм. Энэ эм ногоон байдгийн учир нь арслангийн цөс орсонтой холбоотой гэхэд Сабраг бор хавтгыг сэжиглэнгүй үнэртэж байгаад бяцхан чимхийг амандаа хийж зажлав. Үлдсэнийг бусад цэргүүдэд өгч нөгөөдүүл нь бага сага амсаж үзэцгээлээ.

—Сабраг цааш хөдлөхөер морио давирч амжаагүй байтал, ойр хавийн уул хад хувирч цэцэг ногоогоор дүүрч энд тэндээс цагаан хөөст жижиг хүрхрээ бууж, өнгийн солонго татах шиг санагдан сэтгэл тайвшран зөөлхөн сайхан өдөн жинтүү дэрлэн бүүвэйлэгдэн унтмаар хүслэн төржээ. Сабраг өөрийн эрхгүй мориноосоо бууж хад түшин суухад хаанаас ч гараад ирсэн нь

мэдэгдэхгүй олон сайхан эмс хүүхнүүд ядарсан эрийг хүрээлэн авч, илбэн таалж эрхлүүлэн наадав. Зүдэрч сухайрсан бие тавигдаж, залуу эмсийн гарт бүүвэйлэгдэн байтал хонгор гэргий нь үзэгдэж түшиг сайн ханиа даллан эрхэлхэд Сабраг олон хүүхнүүдийн гараас мугтран гарч Нэмүүлэн өөд зүтгэв. Хар тамхи зажлаад ухаан мансуурч эргүүтсэн цэргүүдийг илжиг унасан дэрвиш мал мэт тууж ам өгсөн гашиш нарын цайз уруу авч явлаа. Хөл гараа гэмтэж бэртсэнийг мартсан шархтай дайчид зальт гашишийн идэнд автагдаж түүний заасан зүг дуулгавартай тэмүүлцгээж. гагцхүү тэдний гөлрөнгө нүдэнд үзэгдэх юманд хүрэхээр баясгалантай алхацгаана.

Сабрагийг ухаан орж сэргэхэд ус дусалсан чийгтэй хонгилд хэвтэж байв. Мэдээ орж сэргэж байгаа цэргүүд аймшигтай муухайгаар ёолон гицгэнэж,

—Ээ бурхан тэнгэр минь намайг өршөө!

—Битгий намайг зовоогооч!

—Атаа таван тэнгэр минь юу болж байна вэ? Бид хаана ирчихээ вэ? хэмээн орилолдоно Сабрагийн ам хатаж юм уумаар санагдана. Аманд эвгүй амтагдаж, толгой эргэж бөөлжис хүрнэ. Түүний хажууд

—Амь авраарай! Ёо ёо ёо. Миний дээрээс нэг хүнд юм дараад байна. Ёо ёо ёо хэмээн ёолох дуулдана. Өндийж үзвэл дээш харж шүдээ тас зуун хэвтэх цэргийн доор дарагдсан хүнээс тэр дуу, гарч байв. Сабраг тэр ухаангүй цэргийг түлхэж зайлуулбал доороос нь танигдахын аргагүй цайж цонхийсон үрчгэр нүүр харагдана. Сабраг түүнийг таньсангүй. Хэн болохыг санахыг оролдоон боловч ядарсан тархи нь яршиглаж тэр тухай бодохыг болив. Нуд нь харанхуйд

дасаж эргэн тойрныгоо дэн дун ажиглахад нэлээд уужим хадан хонгилд цэргуудтэйгээ атиралдан хэвтэцгээнэ. Адарт цоолсон сараалжин төмөртэй жижиг цонхоор бүүдгэр гэрэл орж байна. Одоо чухам өдөр шөнө, өглөө орой алин болохыг ялгасангуй. Өдрийн явдлаас хойш хэчнээн хугацаа өнгөрснийг тааж үл чадна.

Гэнэт жижиг модон хаалга хяхатнан онгойв. Чалма малгай толгойдоо ороосон хүмүүс бамбар барин орж ирцгээлээ. Тэд газраар гулдайн тэрийлдэх тэнхэл муутай цэргүүдийг хөлөөр түлхэн зайлуулж хэд хэдэн цэргийг тууж нэг нэгээр нь чирэн авч явлаа. Бамбартай хуягууд байс хийгээд л түжигнэн орж ирээд эр цэргүүдийг ээлж ээлжээр чирч гаргасаар удалгүй Сабрагийн ээлж ирлээ. Түүнийг харанхуй хонгилоор чирч гулдарч явсаар гэрэл гэгээтэй саруулхан танхимд оруулав. Цагаан нөмрөг нөмөрсөн хэдэн лалын гэлэнгүүд хана даган ихэмсэг байдалтай сууцгааж түүнийг ажиглана.

—Эрхэм баатрын бие лагшин тунгалаг уу? гэж басамжалсан байдалтай асуух дуу гарав. Тэр зүг харваас жалганд дайралдсан ядуу дэрвиш эрдэнийн эрх барьж, үнэт хувцас өмсөж зүс хувирган сууж байлаа. Гагцхүү түүний хорлонтой гялалзах нүд үерт авахуулсан хэдийг мэхэлж муу идээ амсүулсан дэрвиш мөн болохыг илтгэнэ. Тэрбээр ам нээж,

—Хоёул танилцъя. Би бол тэнэмэл дэрвиш биш амьтан хүнийг амьдаар нь энхжингийн оронд хүргэгч Рухн Ад Дин Хурших гэдэг байна. Чи манай гашиш нарыг эрж яваа Хулагуу хааны толгойн ангийн удирдагч биз. Аллахын боол биднийг одоо үзэх үү? Ариун Аллахын цээрлэлийг хуртэж байгаа чинь энэ дээ, Чи биднээр яах гэсэн юм бэ? гэхэд Сабраг сая сэхээ авч,Тийм ээ би Шейх Уль Жебель* хэмээх Ала Аддиныг олохоор хөөцөлдөн яваа хүн байна. Та нарын дотор хэн чинь Ала Аддин мөн бэ? гэж зоримог өгүүлэхэд Хурших бах нь ханасан бололтой инээд алдаж,Энэ насан дээр чинь чамайг эцэгтэйгээ уулзуулж чадахгүйдээ харамсаж байна. Шейх Уль Жебельтэй уулзах хэмээвээс та өөрөө одоо Шейх Уль Жебель болоод байна гэв.

—Чи тэгвэл шөнөөр гэтэж, унтах нойронд нь цэргүүдийг түйвээх хорт могой мөн буйзаа. Чи мөн гэнэгүй давших цэргүүдийг өндөр уулнаас чулуугаар даран хөнөөгч араатан ирвэс тэр байжээ. Их эзэн хаан өөрийн хөлөг баатруудыг сандрааж, арабын халифыг өвдөг сөхрүүлэн дайлах хэрэгт саад хийсэн чиний эцгийн явдлыг эцэс болгох зарлиг буулгасан билээ. Иймд чи хааны зарлигийг дагах буйзаа.

—Чиний эзэн хаан шийтүүдийг тэггэж сүннийтүүдийн үнэн шашинтныг эсэргүүцдзг нь ямар учиртайсан билээ. Аллах бурхны ганц үнэн дүр Мухамед мөн билээ

—Та нар энгийн номхон сельжүкүүдийг хядаж, авлан хөнөөж амьдрах нөхцөл үл өгнө. Дэлхийн эзэн Мөнх хаан ядарсан ард түмнийг ивгээлдээ авч тэтгэхгүй бол Богд эзэн Чингис хилэгнэх болно.

—Дэлхийн эзэн Мөнх гэнэ шүү. Хэн түүнийг эзнээ гэж өргөмжлөө вэ? Аллахын боол бид энд Мустасим халифаас өөр эрхэмлэх эзэнгүй болой. Хэрэв түүний дүү Хулагуу хаан шийтүүдийг турхиран Мустасим халифд халдах явдлаа зогсоохгүй аваас тонилгох болно. Түүнийг тонилгох бурхны элч чи өөрөө мөн болой. Энэ цамхагт орсон хүн миний гар хөлний үзүүр болдог. Чи миний зарлигаар одож Хулагуу хааны амийг.таслах ёстой. Тэр цагт энхжингийн оронд амьдаар хүрч жаргалыг эдлэх болно. Чи босож энэ цонхоор хар гэлээ. Сабраг гарын сорвио оролдсон чигээр цонх өөд дөтөлж өнгийн харвал сайхан зассан үзэсгэлэнт цэцэрлэг байна. Нийгүүрс агч модны өтгөн сүүдэрт түүний амьд үлдсэн цэргүүд зүлгэн дээр ундуй сундуй тарайн хэвтэж ухаангүй болсон нүдээ галзуу хүн шиг талимааруулан гоо эмстэй таалалцан аяглацгаана.

—Эд чиний тушаалыг хүлээж байна. Би чамд шидэт зуулт өгнө. Чи түүнийг амсаад дуртай баялгаа эзэмдэж, үзэсгэлэнт бүсгүйтэй дураараа учрах болно. Түүнээс өмнө чи буяныг хариулах хэрэгтэй. Одоо хөдөлж Хулагуу хааны туг дээр хүрч эрхэмсэг бардам хааныг мэсийн хурцаар тонилго. Сабраг муу идээнд тархи нь эргэж ухаан самуурсан хөөрхий цэргүүдээ харж уур хилэн нь дүрсхийн бадарч,

—Чи миний цэргүудийг яалаа гэнээ? Намайг бас мухар сохроор дагагч мангуу болгож хувиргах нь уу? Чиний гарын үзүүрт түлхүүлж ариун эзэн Хулагууг хөнөөснөөс, ухаантай нүдээр бузар гарыг чинь харж байгаад амиа алдсан минь ононо хэмээн хилэгнэн царайгаа цонхийлгоход Хурших басамжилсан байртай зальхайгаар инээд алдаж,

—Баатар зоригт эр, Аллах тэнгэрийн элч ирээгүй байхад битгий аминаасаа яаран уйд. Чи миний хүсэл зоригоос хэзээ ч гажихгүй. Өөрөө сайн дураараа явах уу, эсвэл би чамайг мэдэж явуулах уу? Алив наашаа дөх. Энэ идээг амс. Тэгээд үгээ хэл гэж гар сунган дохив. Сабраг ухасхийж Хуршихын гараас ногоон зуултыг шүүрэн авч, сул гараараа түүний голгойг татаж аманд нь чихэхэд ингэнэ гэж санаагүй байсан лалын гэлэнгуүд босон харайлдаж сандран үймэлдэв. Гаднаас шаламгайлан орж ирсэн хуягууд Сабрагийг барьж шалан дээр дарахад уруул амаа ханцуйгаар арчиж, нулимж тургисаар Хурших босож ирэв. Уурлаж бачимдсандаа царай нь минчийтлээ улайжээ.

—Заяагуй муу илжгийг бушуухан худагт хая хэмээн доороо дэвхцэж, Одоохон хая. Одоохон хая! гэж шаардана. Хуршихын тэргүүн гэлэнгүүд аюул өнгөрснийг лавтай гадарлан сэхээ орж,

- Буруу номтон, бузар ифрит чамайг Аллах тэнгэр залхааг гэж зүхэн давшлахаа яарч нударга зангидан занасаар үлдэв. Сабраг хуягуудын гарт тийчигнэн,

—Та нар өөрсдөө тэнгэр бурхны залхаалт хүртэнэ дээ. Миний цэргүүдийг яана гэнэ ээ. Түүнийхээ хариуг хэзээ нэгэн цагт амсах болно доо. Тэнгэр ниргээсэй та нарыг! хэмээн орилсоор харанхуй хонгилоор чирэгдэн одов. Түүнийг цэцэрлэгийн модон дундуур авч явсаар цагаан гантиг цохиотой нүцгэн толгойн оройд тууж ирэв. Хадны оройд ургах саглагар их мөчиртэй хальрас модны ёроолд ангайн харлах гүнзгий худгийн амсар харагдана. Хуягуудын хэл доороос өнхрөх чулуу худгийн амсраар унаж ёроолд хүрэхдээ дуу нь нэлээд хожуу цуурайтахыг сонсоод яггүй гүнзгий болохыг тааварлав. Тэднийг удирдан ирсэн гашишийн залуу гэлэн Сабрагийн сэгсийсэн үснээс татаж,

—Аллахын нийгүүлсэнгүй сэтгэлийг бодож эцсийн удаа асуух үг байна. Үтэр түргэн хариул. Чи Хулагуу хааныг тонилгох аваас амийг чинь хэлтрүүлэхээ Аллахын нэрийг барин андгайлъя. Чи агуу их шейх Хуршихыг хилэгнүулсэн боловч Хулагуу хааныг алах хүртэл хэд хоног амьд явахыг чинь зөвшөөрнө гэдгийг түүний нийгүүлсэн сэтгэлийн толио мэдэн амлая. Сайн бод. Ядаж хэд хоног амьд явж ирээдүй төрөлдөө энхжингийн оронд очихыг залбирахгүй юу хэмээн ятгав.

—Сабраг ханхар цээжээ тэнийлгэн алсын бараа харж үхэх цаг дөхсөнийг мэдэрч түүний өмнө өөрөөс нь амийг нь гуйж байгаа арчаа муутай лалын гэлэнг зэвүүцэнгүй ширвэж огт хамаагүй мэт зогсов. Тэнд цугларсан хухистан хуягуудын нуруугаар хүйт оргиж үл танигдах айдсыг мэдэрч өөрсдөө ч ухааралгүй дагжих шиг болцгоов. Одоо Сабраг ширүүн дуугарч тэднийг захирваас тушаалыг биелүүлэх нь эргэлзээгүй ойртжээ. Хуршихын гэлэн энэ байдлыг зөнгөөрө мэдэрч Сабрагаас бушуу түргэн салахын түүс боллоо

—Аллах тэнгэрийн цээрлэлийг хүртэг. Түлх гэж харанхуй хар нүх өөд заагаад гэдрэг ухрав. Цэргүүд тушаалыг биелүүлж Сабрагийг чирэн нүхний амсар дээр очиход агч, хуайс модны төглөөс сум исгэрэн дүулж үсэрхэг хар цэргийн мерөнд зоогдов. Тэр цэрэг муухай орилон тэнцвэр алдсанаа Сабрагийн гараас зуурсан чигээрээ нүх уруу халин нисэв. Сабраг тэр хоёр дээр доор орон хад чулуу мөргөн ниссээр гүн худгийн ёроолд унахад цуурай замхрав. Хуршихын гашиш нар хэрэг бишидсэнийг мэдэж хад чулуу, бут бургасанд нуугдан урт хормойдоо орооцолдон цайзын зүг зугтжээ. Хуайсны төглөөс Улагаа ноёны мянгат уухайлан довтолж айж сандарсан гашиш нарыг гэзэг даран хөөнө. Нэг мэдэхэд Сабрагийг олсоор дээш нь татаж байв. Азаар худагт унахдаа суманд оногдсон хуягийг дэрлэж унасан учир олон жил өгөршсөн хүний ясанд сүлбүүлэлгүй амьд үлдсэн байжээ. Түүнийг Минсэл нүхнээс авч чулуу түшүүлэн суулгахад Сабраг өөрийнхөө өлмий болон энгэр биеэ харж чадахгүй зөвхөн ар нуруу нь үзэгдсэнд гайхаж цочихын ихээр айж юу болж байгааг таасангүй. Минсэл бас балмагдан дуу алдаж,

—Сабраг чи амьд уу? Чиний толгойг энэ гашиш нар яачихаа вэ гэж дугтрахад нэгэн хашир суусан өвгөн цэрэг түүний гараас барьж,

—Сабраг дарангуйлагч нүхэнд унахдаа хүзүүгээ булгалжээ. Та битгий сэгсэр. Мултарсан хузүүг хүчээр оруулдаггүй юм. Дарангуйлагч аа алив би янзалъя. Та хөдөлгөхгүй барьж бай гэв. Тэгээд тэр цэрэг бусад цэргүүдээр агч, хуайс модны мөчир түүлгэж их гал өрдөв. Улагаа ноён, Минсэл, Жутаа зэрэг дарга нар үлдэж Хуршихын цайзыг нэгжив. Гашиш нарыг авлаж бариулахаар цэргүүдийг илгээжээ. Нөгөө өвгөн цэрэг түүдэг галаас оч үсрэн шатаж байгаа бүдүүн мөчир авч санаандгуй шаналан суусан Сабрагийн баруун шанаанд хүргэхээр гэнэт ухасхийв. Залуу дайчин галаас цочиж далдирснаар хүзүү нь лүгхиин дуугарч буцаад эвд оров. Хүзүүний өвчин сая намдаж гар хөл нь харагдав. Энэ сонин эмчилгээтэй тааралдаж сонирхсон дарга нар гайхалдан шагширч Сабрагийг мянгатын шивээ өөд авч явахыг цэргүүдэд тушаав.

Орой Сабрагийн халуун буурч илааршив. Минсэл Жутаа хоёр майханд орж чимээ аниргүй баахан сууцгаав. Түүний бие тэнхээг ажиглан хулмалзсаны эцэст Жутаа зориглон ам нээлээ.

—Сабраг чиний зуутаас хүн үлдсэнгүй гээд доош тонгойв. Сабраг гашуудан хөмсгөө атируулж,

—Муусайн гашиш нар хороож амжсан биз дээ гээд Жутааг ширтэв. Тэр харцаа буруулж «хэлэх үү болих уу» хэмээн асуух мэт Минсэлийг харснаа.

—Үгүй. Манайхан өөрсдөө хядсан! Тэд өөрийн ухаанаа алдан мангуурч гашиш нарын явууллагад захирагдан Хуршихын чулуун ордыг амь бие хайрлалгүй хамгаалан тэмцэх тул өөрийн эрхгүй хэрчиж хаяхад хүргэсэн юм гэж тайлбарлав. Ийм үг сонсоод Сабраг бахардан өндийж Минсэлийн гараас зуурч,

—Аргай яасан бэ? Аргай тэдний дунд үлдсэн юмсан гэж дуу алдав.

—Аргай мөн адил бидний үгийг үл хайхран монгол цэрэг өөд үсчин дайрах тул үхдэл болсон байна. Одоо түүний сүнс хөх тэнгэрт одсон болсон уу, яагаа бол гээд хоёр баатар толгой гудайлган гашуудав.

—Саяхан Сабрагтай уг яриа дэлгэж, уйтгар гунигийг нь нимгэлэхийг оролдон хөгжилтэй хөхөрч явсан хонгор үст гуалиг тэр залууг санах дутам үнэхээр гашуудаж,

—Ай муу хорт могой! Хурших хаа байна? Түүнийг барьсан уу? Бузар шидтэнийг улаан гараараа би хорооё! Нөхрийнхөө өшөөг авъя! гэж Сабраг шүд зуун өгүүлэв.

- Түүнийг илжигний дүрсэд хувираад уулын замаар уруудаж явахад нь барьсан сурагтай. Тэр Хурших маш аюултай албин чөтгөр гэнэ. Юунд ч хувирч, хэнийг ч урвуулж мэднэ. Тиймээс Хулагуу хааны хишигтэн туршуулуудын ноён Эсэнгүр төмөр торонд хорьж, цуургалж аваад ачаад явсан. Түүнийг амьдаар нь олзолж Хулагуу хаан өөрийн хэрэгт зүтгүүлэх нууц зарлигтай тул бид хороож, өс авч үл чадах болой. Хоёр дайчин Сабраг андыг тайтгаруулж аргадаж шөнө орой болсон хойно унтахаар гарцгаалаа.

Их хүч зарж, олон дайчнаа алдаж, уул хадаар авлан тэнүүчилж, зам харгуйг боож нэгэн зэрэг хоморголон тулалдсаны эцэст Мустасим халиф хүртэл хүлээн зөвшөөрч бэлэг сэлт, эд агуурс, сүжигтэн олноо өргөн барьдаг байсан Ала Аддины ялагдашгүй хэмээгдэх гашиш нарын цайз бэхлэлтээр дүүрсэи Зээрд хөхийн нуруу, Хухистан, Фарсистаны газар нутаг эзлэгдэж монголчууд Тангасир дахь их далайн эрэгт хүрэв.

Сабрагийн чийрэг бие махбод төдөлгүй бүрмөсөн илааршиж тэнхрэв. Шинээр үүсгэсэн түрэг сельжүк голдуу байлдагчтай зуутыг захиран Тангасирын хялгаст дал модон төгөл эзэгнэсэн үзэсгэлэнт сайхан нутагт хүрээ засаж зарлиг хүлээн суутал Улагаа ноён дуудуулжээ. Сабраг дайчдаа арабын загасчдын бяцхан тосгонд орхиод бамбайч цэргийн хамт дал мод найган сүндэрлэх далайн хөвөө цайдмыг гаталж, Улагаа ноёны гоёмсог асар тэрэм цоохортон харагдах элсэн довцогт ирэв. Хиа цэргүүд морийг нь барин авч түүнийг дотогш оруулав. Мянганы ноёны юу айлдахыг хүлээж үүдэн тус газар сөхрөн суув.

— Чамд өлзий ерөөлтэй хишиг оногдож өвөг дээдсийн нутаг нийслэл Хархоринд явах аз тохиолоо. Хулагуу хааны зарлигаар их эзэн Мөнхөд Хуршихыг хүргэж өгнө. Чи ганцаар түүний илбэ шидэнд автаагүй үлдсэн билээ. Чи хааны найдварыг биелүүлж, зарлигийн нь осолдолгүй гүйцэлдүүлэгтүн. Зуутаа Сабирт үлдээ. Өөрөө даруй мордож Эсэнгүр ноёны ордонд очсугай гэв.

Сабраг тэр өдөртөө багтан аян замд бэлтгэв. Сефид руд голын эрэгт байрлах Эсэнгүр ноёны туг дээр ирж хүчит цэргээр хамгаалуулсан Хуршихыг авч явах цувааны бүрэлдэхүүнд оржээ. Эсэнгүр ноён бусад цэргүүдэд үл итгэж Хуршихтай гагцхүү Сабраг биечилж харьцахыг даалгасан байна. Өөр бусад манаа харуулууд Хуршихын муу үг, заль мэхэнд амархан автаж хаад эздээ огоорох бөгөөд гагцхүү Сабраг ганцаараа Хуршихын илбэдэх заль мэхэнд автаагүй үлдсэн хүн байв.

Хуршихыг агдалж ачсан чингэлэг тэргийг хөтлөх шилдэг таван торгууд зөвхөн Сабрагтай харьцана. Тэднийг сэргийлэн бүсэлж хороо цэрэг хамгаалан явна.

Хоригдлыг тээсэн цуваа саадгүй довтолгосоор Исфаган хот хүрч орд харшаар дүүрсэн цэцэрлэгт гудамжаар өгсөн төв гяндан чиглэв. Хуршихыг хүргэж яваа тухай дам цуу яриа сонссон худалдаачид, урчууд, сул иргэд, боол зардас гудамжны хоёр талаар шавж Хуршихыг үзэх гэж сонирхоцгоож байв. Исфаганы сүсэгтнүүд эрт цагаас өширхөж ирсэн заналт дайсан гашиш нарын толгойлогчийн нэг баригдсанд сэтгэл ханамжтай хөөрөн баярлаж Хуршихыг хотын талбайд занчиж залхаахыг шаардан эр эмгүй бархиралдан дагацгааж байлаа.

Сабраг гяндангийн хашаанд Хуршихыг чингэлгээс гаргаж чулуун өрөөнд хийж цоожлохоор явав. Xорт гэлэн басамжилсан өнгөөр түүнийг өдөж,

- Хүүе! Сүнсгүй цэрэг! Энэ юун улс хашгиралдаж үймэлдэнэ вэ? гэж асуув.

- Энэ хотын ард иргэд чамайг барьсанд сэтгэл үл ханаж Шейх Уль Жебелийн сүйтгэсэн хөөрхий талийгаач олны өсийг авахаар заналхийлж байгаа нь тэр. Чи хурдан явахгүй бол тэд гэнэт хашааны хаалга эвдэн орж ирвээс бид амийг чинь хоохойлж дийлэхгүй шүү хэмээн түүнийг түлхэж чулуун шатаар уруудаж зузаан төмөр хаалгатай гянданд хорихоор яарахад,

- Тэдгээр буруу номтнууд миний амийг хөнөөхийн тул чиний хүүрэн дээгүүр гарч ирэх билээ. Намайг Мөнх хаанд хүргэх зарлигтайгаас хойш үхэхдээ хүрвэл чи надаас түрүүлж үхэх болно доо хэмээн хорсголонтой өгүүлээд — Би чамайг цайзанд хоригдож байхад сүнсийг чинь тамын оронд илгээсэн билээ. Одоо чиний сүнсгүй биеийг эдгээр галзуурсан шийтүүд, эмс боолд тавьж уруулах юмсан гэхэд Сабраг Хуршихыг нэг далайлтаар хоёр хуваамаар хэдий их санагдсан боловч юу ч дуугарсангүй. Үл ялих үгээр түүнийг давахыг оролдогч зальхай этгээдийг түлхэж хааны зарлиг хатуу тул захирагдан шүд зуун алхав.

Исфаганаас хөдөлж монгол нутагт ойртох тусам Хуршихын хортой үгэнд идүүлж тэсвэрлэхийн аргагүй болж солиорох дөхөв. Цувааны дарга ч Сабрагийг харааж зүхэж, аргадаж ятгаж хамаг мэддэг аргаараа тэсвэрлүүлэн хааны зарлигийг эцэст нь хүргэхийг хүсэцгээв. Өөр бусад дайчдыг Хуршихтай ойртуулахыг чанд цээрлэсэн хэвээр ажээ. Сабраг шилдэг дайчдыг нь хорлосон өштөн дайсантайгаа өвөр түрийдээ орох шахам ханилан явах болсон бузар зохиолыг сэтгэлдээ зүхэж үзэн ядна.

Нэг өдөр өвсний шимтэй хээр талд явж явтал Хурших чингэлгийн тагийг нүдэж,

- Хүүе! Сүнсгүй цэрэг! Намайг гарга. Би түр зуур явган явж хөлийн чилээ гаргая гэж гуйв. Сабраг чингэлгийг онгойлгож тэрхүү үл туйлдагч догшин хүнийг буулгаж зэрэгцэн алхав. Тэрбээр Сабраг өөд жоготой харж үе үе муухай хэнгэнүүлэн инээд алдана. Учир утгагүй инээд алдах шөвгөр хар хүний биед аймшигт хүчтэй чөтгөр шүглэсэн шиг санагдана. Тэр замд дайралдах хээрийн гишүүний далбагар том навчийг өшигчин явснаа,

-Сабраг чи хөлийн минь чилээг гаргаж өглөө. Би чамд нас буян нэмье. Нас нэмэх явдал миний ганц сайн суралцсан ид шид минь билээ гэв. Сабраг Хуршихыг сэжиглэнгүй ажиглаж хэдэн нас нэмэгдэх юм болдоо хэмээн тааварлаж ядан алхахдаа Нэмүүлэнтэйгээ хоёул олон хүүхэд өсгөж, ач гуч нараараа сайхан эссэн айраг цагаагаа бүлүүлж, өнөр бүлээ дагуулан овоо тахиж хийморио сэргээж явах цаг ирдэг болов уу, үгүй болов уу хэмээн бодож явтал Хурших ядраад чингэлэгтээ буцаж оров.

-Сүнсгүй цэрэг би чамайг хуурч дөнгөлөө Би чиний насыг нэмсэнгүй. Харин нэмэгдлээ гэж чиний бодох тутамд чинь нэгийг хасаж явлаа хэмээн Хурших тачигнатал хөхрөөд хаалгаа хаав. Сабрагийн голоор зураад авах шиг болж Нэмүүлэнтэйгээ хамт урт удаан насалж амар сайхан жаргахыг мөрөөдсөн нандин хүслийг нь энэ хүн суга татан авч хаячих шиг санагдав.

- Олиггүй муу мангас! Би чиний энэ тоглоомыг хэзээ ч зүгээр орхихгүй дээ! Чи Мөнх хаантай уулзана гэж бодсон бол эндүүрчээ. Чи Мөнх хааны дэргэд элдэв арга саам хэрэглэн амьд явах гэсэн бол тэгж чадахгүй. Би чамаас өөрийн зуутын зоригт хевгүүдийн өсийг авахдаа л авна гэдгийгээ хөх тэнгэрийг барин тангараглая гээд бухимдсандаа Сабраг мориндоо үсрэн мордов. Цувааны даргачийн дэргэд очихоор давхив. Морин дэлд овоо тайвширч ухаан сэргэлээ. Түүнийг даргачийн дэргэд ирэхэд Хархорин тийш элч илгээхээр зарлаж байв.

-Аа ашгүй Сабраг өөрөө хүрээд ирлээ. Цаад гашиш чинь юу болж байна? гэж асуухад Сабраг туйлдаа хүртэл ядарсан шинжтэй,

-Эрхэм дарга! Би ер дийлэхээ болилоо. Миний сүнс над байна уу, үгүй юу? Эсвэл намайг хаяад од сон уу? Эсвэл Хуршихын сүнс миний сүнсийг барьж идсэн үү? Энэ хүн дэргэд байгаа хүнийхээ сүнсийг барьж иддэг, насыг богиносгодог идтэй юм байна. Түүний эцсийн хүсэл нь Мөнх хааны насыг барах зорилготой буюу. Таны мэргэн ухаан болгоох буйзаа хэмээн бүх хариуцлагыг даргачид үүрүүлэхээр заналхийлэн өгүүлэв. Үнэнч сэтгэлт цувааны даргач сэжиглэнгүй мөрөө хавчиж, зүүсэн хуягаа шаржигнуулан янцаглаж

-Сабраг чи ямар ч гэсэн зарлиг дага. Түүнээс нүдээ битгий салга. Бид Хархорин орохоо түр азная. Мөнх хааны ордноос хариу хүлээе. Чи хэд хоног тэсэж үз гэв.

Өндөр өвс халиурсан тал хээр газар шивээлэн бууж Хуршихын чингэлгийг сэрэмжлэн манаж бат хамгаалалтанд авав. Харин Хурших цувааг урагш аялахгүй түдсэнд гайхаж Сабрагийг байн байн шалж, учрыг хэлж өгөхийг тулган шаардаж сүрдүүлэн далайлгах болсвч тэд Хархориноос ирэх элчийг тэсвэртэй хүлээсээр байв. Дөрөв хоногийн дараа өндөр тушаалын ноёд, Мөнх хааны дархад, бас будда, лал, даос, христ шашны хэд хэдэн их мяндагтан лам, тэнгэрийн бөө бусад албаныхан хүрэлцэн ирэв. Ордны санваартан түшмэдүүд дор дороо мэргэлж зурхай зурж, шоо хаяж. ном уншиж, бурхан тэнгэртэйгээ зөвлөсний эцэст олон номын утга судраар баахан маргаснаа ямар ч гэсэч эцсийн бүлэгт Мөнх хааны насыг богиносгосон хэрэгт унахаас эмээцгээж Хуршихыг цааш нь харуулахаар шийдэв.

Сабраг үүр цайх үед Хуршихыг сэрээв. Чингэлгээс буулгаад шивээнээс гаргаж туув. Болжмор жиргэх арай болоогүй байжээ. Өвсний толгой шаргалтан цайрч гагцхүү Хуршихын хөл доор өвс сэрчигнэх, Сабрагийн ялтсан хуяг гишгэх аясаар жингэнэх сонстож байлаа.

-Сабраг чи намайг хээр хөдөө хааш нь тууж явна вэ? гэж асуув. Сабраг хариулсангүй гүн бодолд умбах мэт чимээ аниргүй алхсаар байв.

-Сабраг чи намайг алахаар дагуулж явна уу? Хэн намайг алах зарлиг буулгав? Чи заль мэх хэрэглэж Мөнх хаанаас овилгогүй хэдэн лам авчирч тэдний толгойг эргүүлж чаджээ. Би чамайг дутуу үнэлсэн байна. Чи намайг өчиггүй давжээ. Миний үхэх цаг ингэж ирнэ гэдгийг мэдсэн сэн бол харь монгол оронд биш Хухистаныхаа цайзанд ясаа орхидог байж. Ямар ч байлаа гэсэн би чамайг дэрлэж үхнэ. Чи надаас салж санаа амрах гэж байна уу? Санасан санааны чинь гарз гэж хэргийн үнэнийг эцсийн эцэст тааварлан нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн хашгирав. Сабраг Хуршихын чичирхийлсэн энгэрээс заамдаж,

-Хэн нь хэд насалхаа үзье. Хорт муу мүльхед* чи миний зоригт хөвгүүдийг илбэдэн хөнөөсөн. Мөн анд Аргайг минь сүйдэлсэн. Эцэст чи миний мөрөөдлийг балласан. Үтэр доошоо сөгдөж мааниа унш гээд угзарч суулгав. Рухн Ад Дин Хурших босох гэж хэд өндөлзсөнөө эцсийн мөч ирснийг ойлгож толгойгоо хүлцэнгүйгээр бөгтийлгөн сөгдөж тэргүүнээ тавьж өгөв. Түүний нүдэнд харамсал гуниг дүүрэн шингэжээ.

Сабраг Хуршихын амьсгааг хураахыг харж цустай сэлмийг хошуунд нь хүргээд,

-Хөх тэнгэр минь өршөөж хайрла. Хөнөөлт дайснаа дарж дайчин хөвгүүдийнхээ өшөөг авлаа. Анд Аргайн өсийг нэхэж атаат дайснаа сөхрүүлэв. Энх тунх болтугай гэж залбираад эргэж алхав. Холоос хэдэн цэрэг дөтлөн ирж Хуршихын цогцсыг жалганд хаяж эрэг нурааж булав.

Баруун зүүн далайн хооронд, Европ, Бага Азид аймшигт битүүлгээрээ дуурссан, харгис хэрцгий алуурчдын бэлэг тэмдэг болсон гашиш нарын толгойлогч Рухн Ад Дин Хурших алс хол Эдрэнгийн нурууны нэр үл мэдэгдэх жалгын эхэнд хөсрөн хэвтжээ.


Top
   
PostPosted: Oct.12.15 1:30 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван есдүгээр бүлэг

Жиглэгийн хүсэл биелсэнгүй. Хичнээн яаравч эхийнхээ царайг мөддөө харж чадахгүй болжээ. Залуу хөвгүүнийг Эдрэнгийн нуруу давж амжаагүй явтал харуулын цэргүүд барьж Хархоринд хүргүүлжээ. Монгол хүн Энэтхэг, Орос, Вавилон газар дураараа хэрэн явах нь ердийн хэрэг болж, харин төрөлх нутагтаа Бурандуй ноёны тамга, Илтэт сайн ноёны захидал бичигтэй явсан ч элдэв хар төрүүлж, цэргийн алба хаясан оргодол байх буйзаа хэмээн сэжиглэгддэг болсон цаг байжээ.

Харуулынхан түүний сэлэм хэрэглэл, польш. килиг. латин газраас хайрт эх, хүсэлт бүсгүй нартаа хэмээн худалдан авсан зүүлт, сондор, дээлийн хамба зэрэг бяцхан эд агуурс бахир цэргүүдийн гар дамжин алга болов. Хамгийн харамсалтай явдал гэвэл эхдээ хэдэн хонь, үхэр бас дээр нь өөрөө азарга адуу авч баяжиж хөлжинө хэмээн бодож явсан хорин сүхэс, тав зургаан “агуу их” хэмээх алтан зоос хураасныг нэгжиж цөмийн цөлмөн авчээ. Хэдийгээр харуулын цэргүүдийн ширүүн зан хөөрсөн сэтгэлийг нь жаал дарж хөргөсөн боловч тун удахгүй Нэмүүлэнтэй учирч хөгжилдөн баярлана гэхээс харгалзан яваа харуулын цэргүүдийн морьд урагш гишгэхгүй сажилж явах шиг санагдана. Газрын байдлыг ажиглан нийслэл хотын барааг олж үзэхээр өлийн явтал хүзүү нь сунах дөхөв.

Тэд Хархоринд ирэв. Их их орд харш шинээр нэмэгдэж тус хот огт өөр төрх байдалтай болсныг мэдэв. Франкий нутгийн баргар хар байшин, Рүмий газрын цагаан шавар хашаануудын дэргэд Хархорины чулуун арслан, яст мэлхий суурьтай улаан эрээн өнгөлөг баганат сүрлэг орд харш нүдэнд дулаан, сэтгэл бадраам баясгалантай харагдана. Үе үе дайралдах өргөн сайхан боржин талбайд их эзэн хаадад зориулж босгосон гэрэлт хөшөө сүндэрлэж өглөө нарнаар яам тамга уруугаа яарах сэтгэл хангалуун түшмэд чинсан, ихэмсзг давилуун цэргийн ноёд эмээл дээрээ намбатай сууцгаан алхуулна. Голын эрэг дээр хаа газрын ядуучуудын хүүхдийн нэгэн адил борлож наршсан багачууд ус цацлан наадаж хөгжилдөн шуугилдацгаана. Нарнаас нуугдах мэт замын хажуугийн модны сүүдэр даган сажлуулах сүйх тэргэнд торго дурданд умбаж, үнэт чулуу зүүсэн цагаан царайт хатад авхайчуул хөөрхөн хүүхдээ гоёж гоодон хотын орчимд 'байх сурвалжитнуудын сургүульд хүргэхээр авч явна. Захын ойролцоо хүн мал олширч, үүрээр хөдөөнөөс оруулж ирсэн сүү, тараг, хүнс тариагаа гүйлгэхээр наймаачид орилолдон шуугилдана. Гудамжаар эгнэсэн жижиг мухлаг, буурчийн газраас саяхан гал дээрээс гаргасан шарсан мах, хайлсан, тос, хөшиглөсөн махтай цайны үнэр хамар цоргин ходоодны шүүс асгартал ханхална. Гэвч энэ бүгд өөр ертөнц байжээ. Жиглэгийг шууд хорьж хэдэн өдөр байцаав. Уг ёс нь түүний бичгийг шалгасан бол хамаг хэрэг тодорхой

болохсон. Гэвч хааны цэргиин хэрэг эрхлэх түшмэлийн газар, хишигтэнгүүдийн нууц хэрэг эрхлэх газраас Жиглэгийн тухай лавлан магадлахад бие тоон мэдэмхийрхэгч шинэхэн дэвшсэн нэгэн залуу бичигт дээд ноёдоос Жиглэг хэмээх цэргийг Сарай хотод өмнө илгээгээгүй хэмээн таамгаар хариулсан тул залуу дайчныг чандлан хорьж өдөр бүр тулган шүүх болов.

Хархоринд ирмэгц Начигай ноён түүнийг тосон авч учир байдлыг харуулын түрэмгий цэргүүдэд ойлгуулан үтэр түргэн суллаж гэрт хариулна хэмээн өөртөө итгэж явсан Жиглэг хөвгүүн хишигтэнгүүдийн нууц хэрэг хөтлөх газраас ийм хариу ирүүлсэнд мэл гайхаж, ихэс дээдсийн хуйвалдаан одоо хэр бас л дуусаагүй үргэлжилнэ үү хэмээн зүрх шимшрүүлэн түгшүүрлэв. Хар гэрт тонуул дээрэмчин, навсгар гуйранчин элдэв хүмүүстэй адсага хөдөс булаацалдан чихцэлдэн унтаж өглөө үүрээр адайр зантай хуягуудад өшигчүүлэн сэрж байцаалтад орно. Түүнийг арга сиймхий хэрэглэж дайнд мордоогүй хулчгар байрын эр байцаана.

Омог уур нь жижигхэн толгойд нь багтаж ядахдаа нүдийг нь ийнхүү бүлтийлгэн түрдэг байх даа. Алаг нүд нь цавчилгүй гөлрөх түүний мунхаг толгой Жиглэгийн тайлбарыг ойлгох ч үгүй, ойлгохыг, хүсэх ч үгүй нь элдвээр дүрэмдэж аашлах царайнаас нь илт.

Энэ дарга үүднээс олбог хүртлээ хоригдлуудыг мөлхүүлж бяцхан зугаагаа гаргадгийг мэдэх болсон тул Жиглэг хөлийн өлмийгөөр босгыг хөндөхгүйг хичээн алхаж ороод сөхрөн ёслоход гэрийн хойморт суугаа залуу их л яршиг ****** байдалтай хялайн харж,

-Чи яагаад эзэн хааны албыг дур мэдэн хаяж хулжин ирэв? Өнөөдөр чи үнэн үгээ хэлнэ үү, үгүй юу хэмээн цаанаа нэг дооглосон өнгөтэй сулхан дуугарав.

-Би зугтаж ирсэнгүй. Илтэт ноёны илгээлттэй билээ.

- Монгол цэрэг хэзээнзэс элч дархад шиг бичиг тэмдэгтэй явдаг болсон бэ? Ноён чинь хаана байна? Чи худал хэлэлгүй асуусны хариуд үнэнээ өч. Толгойг минь тийм амархан эргүүлж дөнгөнө гэж санав уу? Намайг эргүү мал гэж бодов үу? хэмээн дүрсхийн уурлаж — Чи хэл! Би эргүү мал мөн үү. биш үү? хэмээн агсрахад саяхан дөлгөөхөн дуугарч байсан хоо лойн өнгө хувьсаж царайны өнгөтэй сая л ижлээ олон зохилдох шиг санагдав. Жиглэг балмагдан дуугаа хурааж,

-Үгүй. Тэгж огт бодсонгүй хэмээн амандаа бувтнав.

-Тийм бий вий, муу тэнэмэл нохой гэж Жиглэгээр даажигнаж чадсандаа сэтгэл ханах мэт тавлаад

-Чи муу хилэнцэт хорхой ноёноо хаана алж хаясан бэ? Чиний тухай намайг мэдэхгүй гэж санана уу? Чи Франкийн газар бус, харин энүүхэн хаяан дахь Солонгост байлдаж яваад оргож ирсэн цэрэг мөн байна билээ. Чиний нэр Жиглэг ч биш Мянгандай гэдэг гэх чинь билээ. Үнэн биз! хэмээн учир зүггүй хашгичиж гарав. Жиглэгийн гар салганан чичрэв. Тэр тэссэнгүй, өөрийн мэдэлгүй уур нь хүрч, уушги нь сагсайж,

-Жиглэг биш гэнэ үү хөө? Хөх тэнгэрийг дуудан дуудан тангараглая. Би Баянлиг баатрын албат ард. Шилэн нүдэлсэн домбон толгойт чи юун Мянгандайг ярина вэ. Тахиа жилийн хавар Начигай ноён Бэхтөр биднийг Сорхугтани хатны зарлигаар Сарай хотод илгээсэн билээ. Намайг Начигай ноёнтой нүүрэлдүүлээд аль. Тэр намайг мэднэ. Тэр намайг Бурандуй ноёны тугаас Хархоринд иртүгэй гэж зөвшөөрсөн юм гэхэд шүүгч уруулаа жимийж,

-Худал чалчихаа азна. Чи ихэс дээдсийн нэр барьж, эзэн хааны шүүгчийг доромжилж мөчөөрхөх юм гэж сэтгэв үү? Би чиний хар хэлтэй хуурмаг цээжийг чинь уудлаад өгье. Чиний тэр Жиглэг гэдэг чинь тахиа жил Дагуурын хөвчид цаашаа харсан хүн билээ. Би чамд домбон толгойтой дөнгүүлчихмээр харагдаа биз. Тэгвэл Баянлиг баатрын бэлчээрт хүрч Жиглэгийн сургийг гаргах энүүхэнд шүү хэмээн бахтайяа маасайн жуумалзав. Жиглэг цухалдан ширдэг балбаж,

-Тэр бол тийм биш, ноёнтон. Биднийг нууцаар явахад замд садаа болгохгүй гэж Начигай ноёны зориуд хийсэн явуулга юм. Ойлгож соёрх! Хүний сонор хараанд өртөх ёсгүй хаан төрийн чухал албаар гагцхүү баавгай амьдрах шивэр ой дамжуулан биднийг илгээсэн юм. Тийн учир биднийг өнгөрсөн хэмээн худал цуурхал тараажээ гэж тайлбарлав.

-Чиний хаан төрийн хэрэг ч дээ. За яах вэ явуулсан л юм байж. Та нар тэр дороо эргээд ирэхгүй өчнөөн жил юү хийж явав? Бусад чинь хаана яваа вэ?

-Биднээс Бэхтөр бид хоёр амьд үлдсэн. Бэхтөр ирсэн байх ёстой. Начигай ноёны шадар хүн мөн болов уу?

-Гэдрэг суу. Ямар их боордог нохой вэ. Чиний яриад байх Начигай ноён гэгч Мөнх хааны албанд дуулдаагуй юм байна. Ер нь энэ орчлонд төрсөн юм уу, үгүй юу! Ингэхлээр тэр Бэхтөр ч ор тас хий үзэгдэл болов уу. Ингэж намайг чулуу хөөлгөх арга саам эрэлхийлэхийн оронд хаана аль тугт байлдаж яваад оргож боссоноо илчилчихвэл бурхны таалалд нийцнэ дээ. Чи үнэхээр Жиглэг хэмээгч зулбадасга аваас нэгэнт үхсэн нэр зүүх тул толгойг чинь авах эсэх миний дурын хэрэг болжээ. Би чиний наад ширэлдсэн толгойг автлаа мөн ч ихээхэн зовооно доо хэмээн заналхийлэв. Хөөрхий Жиглэг Начигай ноён гэгч зохиомол этгээд мөнийг одоо хэр ухаарсангүй. Бэхтөрийн нэрээр өөр хүн явсныг ч бас яахин тааварлах билээ?

Түүнийг үнэхээр зовоолоо. Намрын налгар өдрүүд өвлийн өлбөгөр өдрөөр солигдож газар хагдран хүйт оржээ. Эрүү тулгагдаж, хоёр банзны завсар хавчигдаж, мөглөнд чилэгдэж оргүй зүйл, үзээгүй сонсоогүй юманд түлхэгдэн суусаар сүүлдээ өөрт нь үнэхээр солонгост Цой вангийн эсрэг тулалдан явсан шиг санагддаг ч болов. Хар гэрт удаан хоригдож түрэг нанхиад, согд газрын зүсэн зүйлийн оргодол босуул эрчүүдтэй танил тал болов. Амьдралын зовлонг тоочин гунихарч сууна. Зуны тэрлэгээр өвлийн дунд сар хүргэлээ. Хамаг бие бээрч дулаан унтвал мянган лан хэмээх нанхиад үгийн учрыг зүрхэндээ шингэтэл ухаарчээ.

Эхний хэдэн сар байн байн байцаагдан шүүлгэж сүүл тийшээ хэрэгсэхийг байв. Энд тэнд орд харш барих, далан суваг татах, хүнд хүчир ажилд дайчлагдан өдөр бүр туугдан явдаг болжээ. Ямар ч болов Жиглэг бусад ялтангуудыг бодвол дөмөг нөхцөлтэй хүний тоонд орно. Юу гэвэл Жиглэгийг яс үндэс монгол тул хоол ундыг хуягууд даадаг байв. Заяа муут өнгөт нүдтэн, харь хэлтнүүд өөрсдийн зовлогоор шоронгийнхоо хоолыг олж идэх ёстой байжээ. Хоёул ижил зовж тарчлавч нэг нь нөгөөгөөсөө өчүүхэн боломжоор давамгайлж, түүгээрээ эрдэн гайхуулж, амьд явсны хэрэг, бүтсэн мэт бардамнан сайрхах монгол хүн ч байдаг. Зовлонгийи хүндэд нухлагдан дарагдаж монгол хүн л байвал үл ялган улыг нь долоочих дөхөн айн чичрэх хүн дүрсээ алдсан харь иргэд байдгыг их гүрний аймшигт гяндангаас сая олж харж гайхах, жигших, өрөвдөх сэтгэл хослон төрнө. Хүний амь хямд тусмаа төрийн үйл хэрэг төдийчинээ бодлогогүй хуумгайддаг ажээ. Жиглэгийг эрүүдэн шүүгч цэргийн хэрэг хөтлөх тамгын газрын түшмэд ноёдын хэн нь ч хишигтэн цэргийн нууц эрхлэх Хайдар ноёноос хоёр дахь удаагаа лавлан асуух зүрх гаргасангүй. Үнэндээ Хайдар ноёноос эмээсэн ч юм биш, хааны албанд санамсаргүй дэвшин орсондоо өөрийн биеийг ихэд өргөмжлөн бусад бүх дээгүүр доогуур тушаалын ноёд дарга нар нэгэн адил сүрдэн эмээх ёстой гэж Хайдар ноёны нэрээр далайлган өөрийгөө халхлагч давилуун зантай залуу битэгчээс болгоомжилсон нь тэр байжээ. Жиглэг хүү ганц муу битэгчийн мэдэмхийрч зандарсан үгээр хохирч дөрвөн сар гаруй хоригдон тарчлав. Чийрэгжиж хатуужсан бие нь суларч эцэстээ ясан хэлхээ болжээ. Энэ чигээрээ үнэн үгийн нь авч хэлэлцэхгүй хүний данснаас гадуур нойтон нүцгэн байлгах аваас цагаан сар хүргэж дөнгөлгүй талийна гэдгээ гадарлаж байв.

Нэгэн жавартай хүйтэн өдөр «Гэгээн алдартны» сүмийн гадна Жиглэг мэт хэдэн хоригдол усан хоолойн суваг малтаж, хөлдүү газар нүдэж зовлогоо эдэлж суув. Хүйтэн агаарт жиндэж тэсэхийг байхаараа даарч бээрсэн хөлөө бүлээцүүлэх хэмээн дэвхцэж, мод болж харласан гараа амандаа хийж халуун амьсгаагаараа төөнөөд эцсэн нэгийнхээ царилыг ээлжлэн авч бөгцөгнөн ажиллана. Тэднийг харгалзах хуяг замын хажууд хураасан дэвсгэр чулуу сандайлан сууж хотын гудмаар алхлах борчуудын авгай хүүхнийг ажиглан устсан нүдээр үдэх ба хааяа санаа авах мэт өндийж бээрэнгэ хөдөлцгөөх хоригдлуудыг жадны үзүүрээр чичлэн шавдуулна. Сахал үсээ засаж сэлэмтэй бүсээ жавхайлган татаад гудамж ширтэн мөрөөдөж эхэлнэ. Хуягийн бүдүүн зээрд морь сувгийн хажууд үүрэглэн зогссоноо уур савсуулан хэдэн сайхан хомоол унагав. Жиглэг түүнээс авч гутлын цоорхойгоор харагдах бээрсэн хурууг дулаацуулсугай хэмээн ухасхийв. Мавринахр газрын нэг өвгөн ойр байснаараа амжиж цөмийг нь хаман аваад хөлдөө шавж орхив. Тэр өвгөнийг хар амиа хичээсэн шунаг сэтгэл гаргаж бусдадаа ганц хоор боловч халуун хомоол үлдээсэнгүй гэж нийт хоригдол дургүйцэн зэвүүрхэв. Бамбайж овойтол шавсан хомоолтой хөлөө харж бахдангуй инээмсэглэх тэнэг царайг хараад Жиглэгийн уур гэнэт бадарч салбайж урагдсан энгэр заамнаас нь зууран авахад эл хоёр чулуун шалан дээгүүр өнхөрч атиралдан ноцолдов. Тэгж дээр доороо орон өнхөрч нэг нэгээ зодож занчиж, хазаж хайрч явтал сүмээс гарч явсан ноёны зам дээр тээглэв.

Ноёны бие хамгаалагч, бараа бологч өвч зэвсэглэсэн залуусын хүчтэй гар тэр хоёрыг салгаж хоёр тийш болгов. Жиглэг сэхээ авч түүнийг тойрсон баян тансаг хувцастай ноёныг балмагдан ажиглав.

Тэдний дундаас хамгийн эрх мэдэлтэй болов уу гэхүйц торгон дээл, халиу хүрэм нөмөрч индраанил эрих хүзүүндээ зүүсэн ахимаг насны эр,

-Хүүе хуяг! Чи юугаа цагдаж сууна вэ? Энэ юун улс яагаад тэмцэлдэнэ вэ? хэмээн бахир дуугаар хашгирав. Саяхан зодоон харж бахаа хангаж суусан хуяг сандран ухасхийж яах учраа олохгүй бачимдав.

Хээнцэр ганган цэргүүд, навсгар муу хоригдлыг, бүлтгэнэн ангалзах хуяг өөд түлхэж хаячихаад цааш эргэхэд Жиглэг халиу хүрэмтэй ноён Начигай мөнийг гэнэт танив. Эцэнхий хөвгүүн хуягийн жадыг түлхэн зайлуулаад морины жүчээ өөд холдон явах ноёдын хойноос ухасхийж,

-Начигай ноён! Өршөө намайг. Би Жиглэг байна. Тогтож хайрла хэмээн дуу тавин харайлгав. Хайдар ноён хөмсгөө дээш сөхөж хойноос нь дуу тавин харайлгах навсгар эрийг болгоомжилсон байртай гайхан ажиглав. Жиглэг түүний өмнө өвдөг сөгдөж,

-Начигай ноён та намайг таньж байна уу? Мэргэн уулын хөвчид Сорхутгани хатны зарлигаар бид учирсан билээ. Би Жиглэг гэдэг байна. Биднийг толгойлж Бэхтөр явсан билээ гэж шүлсэндээ хахаж цацан яаран өгүүлэв. Мэдрэл муутай хүний оронцгоос бушуухан салахын түүс болж байсан Хайдар ноён гэнэт зог тусаж бие хамгаалагч цэргүүдэд Жиглэгийг орхи хэмээн дохив. Хайдар ноён Жиглэгийн хөлдөж холцруутсан хар царайг анхааралтай ширтэж,

-Чи Бэхтөртэй миний илгээсзн зоригт хөвгүүдийн нэг мөн гэж үү? Энд юугаа хийж яваа юм бэ? хэмээн дуу алдав.

- Эзэн ноён минь! Миний богино ухаан учрыг эс ухна. Би таны зөвшөөрлөөр Илтэт сайн ноёны илгээмжээр эх нутагтаа буцаж ирсэн билээ. Гэтэл хишигтэн цэргийн нууц хэрэг эрхлэх газраас Жиглэг гэдэг хүн аль эрт үхэж далд орсон хэмээн мэдэгдэх учир намайг энд хорьж, сохор номин мэт газар малтуулж, малын хелдүүс мэт гадаа гандаана. Үхэх үнэн учиртай бол айлдаж хайрла. Өөр хэрэг учиртай бол тайлж хайрла гээд үхэтхийн унаж духаараа чулуу мөргев. Хайдар ноён бараа бологч шадар цэргүүддээ хандаж,

-Алив та нар энэ зоригт хөвгүүнийг дамнаад ордонд хүргэ! гэж тушаагаад мориндоо мордож — Чи хүрмээ тайлж нөмөргө гэж бор царайтад хэлэв. Гайхаж балмагдсан хуяг, түүний цаана сувагт бөөгнөрөх хоригдлууд Жиглэгийн хойноос алмайран харсаар хоцров. Жиглэгийн Начигай ноён гэж нэрлэх Хайдар ноён түүний биеийг тэнхрүүлэн асарч хураагдсан мөнгө зоос, зэр зэвсэг, морь унааг тоо бүрэн гаргуулж буцаан олгов. Жиглэгийг хилс хэрэгт дөрвөн сар зовоосон битэгч залуу донгодуулж, торлогдуулахаас наагуур өнгөрсөн ч авилгаас хоцорсон байна. Битэгч Лугшаа буруугаа өчүүхэн ч ухаарсангүй. Харин Жиглэг гэгч хөвгүүн энэ дэлхий дээр орчиж байсны харгаагаар түүний хэргийг будилуулж, Хайдар ноёноос зэмлэл хүртэв хэмээн дутуу сэтгэж хар бодолдоо үлдээж, араандаа зуужээ.

Жиглэг Мөнх хааны хишгийг хүртээд дүн өвлийн хүйтэн өглөө Хархориноос яаран гарч Баянлиг баатрын нутаглах Далт хэмээх газар байх эхийн гэрийг зүглэн давхилаа,

Уул хөндий битүү цагаан цасанд дарагдаж, тэнгэрт одод түгжээ. Сар уулын цаанаас хөөрч эргэн тойрныг сүүн цагаан туяагаар гэрэлтүүлнэ. Жиглэг багадаа хонь хариулж явсан нутгаа таньж хоолой зангиран зүрх дэлдэх үед урт амьсгаа авч морио үл тэсвэрлэн давирч явлаа.

Түүний ингэж их хүсэн мөрөедөж байсан мөч биелэгдэж бүх зүйл сайн сайхнаар эргэжээ. Одоо удахгүй эхтэйгээ уулзаж, маргааш нутгийн айл саахалтаар бууж, хайрт бүсгүй Нэмүүлэнгийн хасын царайг үзэж дурлалт сэтгэлээ нээнэ гэж санахаас тогтож ядан өндөлзөж явав. Хөлөрсөн морь цантан сааралтаж, цасан ширхэг туурайн доороос цацагдан сарны туяанд гялтганан гялалзана. Өөрийн гэр хуучин өвөлжөөндөө бор толгойн нөмөрт байхыг саруул талд холоос харж танив. Морио уяанд сойж цагаан эсгий үүдээ сөхөж оров. Өөдөөс нь халуу дүүгэнэ. Тулганд улайсах цогийн гэрэлд хоймрын орноос эх нь өндийх үзэгдэв.

Мөнхлүгэн эх харанхуйд түүнийг таньсангүй.

-Хэн бэ? Сабраг эргээд ирэв үү? Юу болоо вэ! гэж нойрмогдуу асуух сонстов.

Жиглэг эхдээ дөхөж,

-Ээж ээ! Би Жиглэг байна гэж хэлээд энгэрт нь толгойгоо наав. Мөнхлүгэн эх ухасхийн босох гэсэн боловч чадсангүй. *

-Ээ хөх тэнгэр гэж дуу алдаад ухаан алдав. Жиглэг сандран эхийгээ түшиж гэрт хэвтэх хоньчин шивэгчин бусгүйчүүдийг хашгиран сэрээж эхийгээ сэргээхээр тэвдүүллээ.

Төдөлгүй Мөнхлүгэн эх сэргэж Жиглэгийн хацар нүүрийг нүдэндээ үл итгэх мэт тэмтчин, үг ч дуугарч чадахгүй уйлсаар байхад Жиглэг эхийгээ тэврэн тэнхэрч ухаан ортол нь хэсэг суув. Хөөрхий ядарч өтөлсөн эх нь Жиглэгийн дуулгыг тайлж үсийг нь илбэн,

-Миний хүү мөн үү! Миний хүү газрын хаанаас гараад ирэв! гэж сулхан өгүүлэв. Жиглэг баяртайяа инээмсэглэж,

-Хаанаас гараад ирсэн ч гэх юм билээ дээ ээж ээ? Сүүлээс нь яривал хар гэрээс ч гэлтэй, эхнээс нь яривал Франкийн газраас гэх үү дээ гэхэд Мөнхлүгэн эх тохойлдон өндийж,

-Ээ хөх тэнгэр! Алив ээж нь хүүгээ үнэрлэе. Чи минь Жиглэг мөн үү? Яасан өөр болоо вэ. Хөөрхий муу хүү минь! Ингээд эргээд ирдэг заяа тавилантай байжээ. Ай хөх тэнгэр. Хурмаст тэнгэрийн ивээлээр эх хүү хоёр уулзав. Сабраг бид хоёр чамайг чинь тэнгэрт хальсан хэмээн хэлэлцэж гашуудан гашуудан ганихарч сууцгаалаа гэхэд Жиглэг гэрийн дотуур ажиглаж,

-Сабраг ах бий юу? хэмээн нүд нь гялалзан сонирхон асуухад,

-Байхгүй. Эндээс мордоод сар боллоо. Бабилон газраас айхтар идтэй лал хүн хүргэж ирээд гэрт хэд хоноод баруун зүг Хулагуу хааныд буцсан. Муу дүүгээ амьд явааг мэддэг болоосой хэмээн харамсан гунихрав. Жиглэгийн сэтгэл жаахан тогтож орон дээрээс босож хүнд сэлэм, хуяг халхавчаа тайлж тухлах зуур,

-Ээж ээ! Сабраг ах цэрэгт мордсоноос хойш сая л ирж байгаа нь тэр үү? Нутаг усныхнаас маань хэн хэн байгаа вэ? гэж яриагаа үргэлжлүүлэв.

-Сабраг хоёр удаагаа ирж байна. Энэ ямар айхтар хүнд дайн бэ? Залуу эрс цөм дайнд мордсон. Зарим нь ор сураггүй. Олон өрх айл өнчирлөө. Бодвол чиний нэг адил хүрээд ирэх болов уу. Эсвэл тэнгэрийн оронд илгээгдсэн юм болов уу гэж эх нь хэлэнгээ заяач онгондоо дээж өргөөд хүүгийнхээ дэргэд сууж

- Сабраг маань Баянлиг баатрын охин Нэмүүлэнг аваад Күрд газар одсон. Хүний газар яаж шүү аж төрж амьдарч яваа юм бол доо. Сабраг мангас улсыг сөхрүүлэн дайлах гэж гэртээ олон сар байдаггүй юм биз дээ. Нэмүүлэнгийн хойноос сэтгэл зовон тогтож ядан өндөлзөж суугаад яваад өгсөн. Миний үр хүүхдүүд дэргэд минь байж сэтгэлийг минь бүлээцүүлэхгүй болохоор хөгшин би энэ хэдэн хоньчин барлаг, харь орноос туугдан ирсэн эмс охидоор юугаа ч хийх юм билээ хэмээн зовлон тоочиж, хоол цай төхөөрөн сүүтэгнэх хоёр бүсгүйг өревдсөн харцаар ажив. Зүрхнийхээ угт нандигнан хадгалж, хүсэн тэмүүлж ирсэн бүсгүй, ахтай нь ханилаад алс холын оронд оджээ гэдгийг аажмаар ухаарч догдолсон сэтгэл нь хүйт даан зэвийв. Сүүмэлзэн асах дэнгийн гол ширтэж оньс нь эвдэрсэи тээрэм шиг хөдлөхийг байж хөшөө чулуу шиг хөшив.

Ээж нь цай самарч, булгар, сармат бүсгүйчүүл хоол төхөөрч шулганалдах нь Жиглэгт огт хамаагүй ,юм шиг санагджээ. Жиглэг хонины дал мөлжсөн болоод дуугаа хурааж дүмбийн суув. Мөнхлүгэн эх хүүгээ холын замд алжаан ядарч дээ хэмээн сэтгэж олон юм шалгааж хүүрнэхээ түдгэлзэж нойрсохоор хэвтэцгээв ээ.

Жиглэг маргааш өдөр нь айл амьтнаар ч орсонгүй гэр зуураа өнжив. Дуугаа хураан сууж эхийнхээ энэ тэрийг асуувал ганц нэг үгээр хариулаад юу хийхээ мэдэхгүй шаналан суулаа. Тэр ч байтугай Баянлиг баатрынхаар ч шагайсангүй.

Жиглэг ингэж хэд хоноод сэтгэл зүрх нь овоо тайвширч нэгэн налайсан сайхан өдөр морио эмээллэж нутгийнхаа ах дүүтэй золгохоор мордов. Гэвч Баянлиг, баатрын хотоор ороход хүрвэл Нэмүүлэн эзгүйг санаж урам хугаран, айл хэсэхийн дур арилж хээр хөдөөгүүр баахан явж, багадаа Нэмүүлэнтэй тоглож өссөн толгойн орой, голын эргээр очиж тэнгэрийн хаяа ширтэн гиюүрэв. Урьд айлсан асан цагаан байцын өвөрт наранд ээн суух үед эрэгтэй хүүхэд шиг бяцхан нум агсаад үеийнхээ охидыг дагуулан хонгор үсээ хийсгэн явдаг жижигхэн бүсгүй нүдэнд нь харагдах шиг болж Нэмүүлэн юүгээ үгүйлсэндээ цээжин дотроо хар салхи хуйлруулан цамнаж, хад чулууг доргиулан тийчилж, алганаасаа аадар ортол атгаж, араанаасаа оч үсэртэл зууж гашуудан суув.


Top
   
PostPosted: Oct.12.15 1:33 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорьдугаар бүлэг

Аюул түйтгэрт дайн болж олон эх энэлж, дайчин хөвгүүдийн цогцос тутаргын талбайд хөөн хэвтэнэ. Сүн улсын нанхиад цэргүүд уул хад, хавцал намагт бүгэн сууж Мөнх хааны ялагдашгүй дайчдыг сэм сэмээр хөнөөх нь үнэхээр хорлонтой. Олон хоногийн тулалдааны дараа Сүн нутгийн чухам аль хэсэг нь монголын нөлөөнд орсон, хаана Кай Цин хуандийн эрх мэдэлд хэвээр үлдээд байгааг ялгах аргагүй болсон байлаа.

Чэндү, Чанань, Лоянь зэрэг олон хот суурин дагаж буусан боловч зарим хот өдөр нь монгол даргачид захирагдах байтлаа шөнө нь тонуул дээрэмчин, нутгийн сайн эрс, ялагдсан цэргээс үлдэж хоцорсон жижиг дарга нарын мэдэлд шилжих зэргээр ээлжилнэ.

Дайжушилэгт, Абагахирилтуг, Энхжин мэргэн нар Өлзийт ноёноос зарлиг авч Дун тин нуурын хөлд орших Го чоу хотын замыг шөнө хааж хэсүүл оргодол этгээдүүдийг хоморголон баривчлахаар бэлтгэв. Тэр нэгэн шөнө Улаан мөрний дагуу бүх хотыг хорлон сүйтгэгч этгээдээс цэвэрлэх ажиллагаа явагдаж байлаа. Учир нь Фынь шуй, Юуй лун ууланд байлдаж буй Тугачир ноёны цэргуүдэд Мөнх хаан биеэр очижтуслахаар шийдэж их мөрнийг өгсөх байжээ.

Шөнө дунд болсон авч бүгчим халуун нь дэндсэн ажээ. Замбага, удамбар, лянхуа цэцэг битүү ургасан голын зэгст булан тохойд мэлхий вааглаж, дээл хувцас дээгүүр нисдэг нисдэггүй, үсэрдэг дэвхэрдэг эсэн бусын хорхой шавж гүйж эгдүү хүргэнэ. Дайжушилэгт зам тосон харуулдсаар. Үдшийн цагаан гэгээ тасарснаас хойш энэ замаар хэн ч өнгөрсөнгүй.

Гэнэт хажуугийн сүмийн цэцэрлэг дэх цөөрмийн мэлхий дуугаа хураав. Дайжушилэгт Жамганы араас түлхэж,

- Сүмтэй цэцэрлэгт юу болов. Чи аравтаа дагуулж үзээд ир хэмээн тушаав. Жамган аравтаа аваад харанхуйд алга боллоо.

Дайжушилэгт мөчрөө дааж ядан бөгтийх уд модны доор чимээ чагнан зогсож Жамганы хойноос сэтгэл түгшин хүлээв. Мөч хэртэй чимээ ч гарсангүй. Халуун нутгийн харанхуй агаар зунгааралдсан давирхай шиг цөмийг живүүлж хөдөлгөөн бүрийг уяж саатуулах мэт. Гэнэт цөөрмийн цаанаас,

-Зогс! Юун хүн бэ? гэх огцом дуу цуурайтав. Хариу хэлэх сонстсонгүй. Банзан зам дээгүүр гүйх хөлийн чимээ гарч,

-Еэ, монгү ман* гэж хирдхийн бархирах хятад үг сонстов. Гэтлээ зэвсэг харшилдан тулалдах чимээ ер гарахгүй хааяа нэг ус цалгих нь гайхалтай. Усанд унасан хүний хахаж цацахын хажуугаар,

-Бариад ав! Бариад ав! хэмээн хашхиралдав. Удалгүй — Яав? Алдчихав уу? Гурвуулаа байсан юм. Эрээд! Эрээд! хэмээн тушаах, нааш цааш гүйлдэх хөлийн чимээ гарав. Дайжушилэгт дээрэмчдийг алдсаныг ойлгож мориндоо ухасхийн мордоод дайсны зугтаж болох замыг амдан давхив. Цэргүүдээ тарааж замаас гол хүртэлх хэсгийг хааж намаг балчгийг самнахад ямар ч хүн дайралдсангүй. Цэргүүд ойр хавиа хянамгай шалгаж Жамганы аравт үймэлдэн сүүмэлзэх сүмийн үүдийг чиглэн урагшилна. Баруун зүүн жигүүрээс ус шалбаагт цөмрөн хөл алдсан морьдын тургилт байн байн сонстовч цэргүүд эрлээ улайран үргэлжлүүлсээр байв.

Харанхуй дундаас нэг цэрэг сандрангуй дуу тавьж,

-Дарангуйлагч! Энэ зэгсэн дотор нэг юм байна гэж хашгирав. Дайжушилэгт морио давирч сайхи цэргийн дэргэд очив. Хоёр гурван цэрэг зэгстэй цөөрмийн эрэгт шавж нэг нэгэндээ усан доогуур юм зааж харагдана. Сарны туяанд нэвт гэрэлтэн хөхрөх усан доор замаг адил салбайсан зүйл байхыг замбага цэцгийн навчны дундаас олж харав. Гэвч тэр юмыг замаг гэхэд усны гутиар шиг сэрвээгээ үл мэдэг хөдөлгөх нь сэжигтэй тул сайтар ахиулж ажиглавал зэгсний сүүдэр дундаас амандаа хулс зууж дээшээ харан хэвтэх хүн түүнийг ширтэж буйг гэнэт мэдэрлээ. Дайжушилэгт хажуу дахь цэргийн жадыг шүүрэн авч тул хатгах мэт их хүчээр жадлахад ус цалгин жадны үзүүрт хүчтэй амьтан туйлах нь мэдэгдэв. Дайжушилэгт жадны үзүүрийг газарт хатгаж хөдөлгөөнгүй дарав. Нөгөөх нь туйлж туйлж чимээгүй боллоо. Тэгэхэд хоёр цэргийг оруулж усанд хөвөх хүнийг эрэг дээр чирч гаргуулав. Түүний өмнө модон ултай шаахай угласан, богинохон шуумагны доороос чөргөр шилбэ нь цухуйсан ямар ч зэр зэвсэггүй гар хоосон нанхиад хүн шилэн нүдэлж сар өөд гөлийн хэвтэнэ,

Дайжушилэгт цэргүүддээ хандаж,

-Энэ хавийг сайн шүүрд. Бусад нь энд байх ёстой. Ялангуяа зэгсэн дотуур сайн нэгж. Бут бургасыг нь жадаар төнхөж үз гэж захиад Жамганы аравтын сүүмэлзэн холхих цэцэрлэгт сүмийг зорив.

Жамган сүмийн харгалзагч цогчин гэсгүйг байцааж байлаа. Цагаан сахалт даос лам өвдөг сөхрөн сууж чулуун шалыг духаараа байн байн түгхийтэл мөргөнө.

- Дарангуйлагч! Сүмд өдөр хэдэн дээрэмчин хүчээр орж нуугдаад шөнө дүлээр дүрвэсэн бололтой. Энэ өвгөн ингэж өчнө. Үнэн худлыг гагцхүү тэнгэр мэднэ.

-Үгүй хө! Чиний бүтэн аравт хэдэн шалдан эрийг барьж дийлэхгүй энэ муу өвгөн ламтай нооролдох чинь юу вэ? хэмээн түүний яриаг дургуйлхэн таслав. Жамган нэрээ гутаасан явдалдаа ичингүйрэн бухимдаж,

-Бид санамсаргүйдэж гэнэдлээ. Дахиад тэд дайралдаасай. Би нуруугийн нь хуга дараад өгөх юмсан хэмээн шүд зуув. Жамганы ярианаас ойлгосноор аравт цэрэг цэцэрлэг дэх цөөрмийн банзан гүүрээр гартал өдөөс нь гурван хүн сүүтэгнэн ирж явжээ. Жамган гар хоосон чөргөр нанхиад иргэдийг үзээд тайвшран дөхөж юун улс болохыг шалгах гэтэл жижиг гинжтэй модон мунаар гарыг нь цохиж, хөлийг нь дэгээдэн тэнцвэр алдуулж цөөрмийн усанд унагажээ. Бусад цэргүүд нөгөөгий нь барихаар ухасхийсэн боловч бас талаар өнгөрч дэлдүүлэх нь дэлдүүлж, савуулах нь савуулж хий үймэлдэх хооронд эл гурав сүүтэгнэн алга болжээ.

- Би энэ муусайн нанхиадыг барилддаг гэж мэдсэн бол барьж аваад сунатал гуядаж өгөх байсан юм. Даанч санаанд орсонгүй гэлж бувтнангаа хэлхээ хуяг доороос цухуйх дээлийн хормойг базаж ус шүүрүүлэв.

-Нэгийн нь чи лав гуядах өнгөрсөн буйзаа. Бусад хоёрыг нь амьдаар баривал чиний барилдахыг үзье л дээ. Үүнээс хойш гахай модон дотроос, гай газар доороос гэдгийг санаж мэдэлтэй, бодолтой явагтун! гэж анхааруулжээ.

Гэвч мод бут, намаг цөөрмийг үүр цайтал самнан нэгжсэн боловч бусад нанхиадыг эс олов. ьэд хоногийн дараа Мөнх хаан олон мянган завь онгоцоор Улаан мөрөн өгсөж Фынь Шуй уулын урд зулайгаас байлдан Чжао жанжны эцсийн хүчийг барж үлдсэн ангийг ой модоор тараан хеөж сарниулав.

Байдар ноёны түмт Тугачир ноёны зарлигаар Хувилай хааны баруун гараас дэмжин тулалдаж Сүн улсын өмнө зүгт орших чийглэг халуун мөнх ногоон ойг эзлэх тушаал авав. Чингэснээр далайн эргийн нутгийг бэхэлж суваг шуудуу татан хориглон суух Кай Цин хуандийн өмнөд этгээдээс бүслэн орох боломж нээгдэх бүлгээ.

Гочоу хотоос холгүй Дунтин нуурын үзэсгэлэнт сайхан байгалийн дунд амарч морь малаа таргалуулж, хуяг дуулгаа гялалзтал цэвэрлэж, өмнө зүгийн Сүн улсын цэргүүд нэвтрэн орж байгаагүй өтгөн ойд монгол дайчид цөмрөхөөр бэлтгэлээ. Урд зүгт чийглэг халуун учир ялаа шумуул ихтэй. Хазаар ногт болон нумны хөвч зэрэг арьс ширэн эдлэл хялбархан муудаж хэврэгших тул байн байн давирхайдаж, тосолж, арчиж зүлгэх явдал гарна. Нимгэн тэрлэг, хэлхээ хуяг өмсөж бас дээрээс нь цамц давхарлахгүй бол ялаа шумуул хазах ба энэ нутгийн шумуул халуун хижиг тараах муу нэртэйгээрээ зард гарчээ.

Байдар ноёныг мөнх ногоон ойд цөмрөн орохыг Мөнх хааны хүү Жирх ноён сонсоод өөрийн шадар нөхөд, хишигтэн нарыг дагуулан алс холын Чанду хотоос тусгайлан ирж тэднийг үдэж мордуулав. Тэр залуу ноён эгнэн жагсаж аянд бэлэн болсон морьт цэргийн өмнүүр Байдар ноёны хамт хатируулан өнгөрч цэргийн өмсгөл зүүлт, эд агуурсыг сонирхон хөгжилтэйеэ ярилцаж явна. Ичих эмээхээ умартсан тэр ханхүү ахмад настай Байдар ноёныг үл тоомсорлон «Согд ахай» хэмээн нийтэд алдаршсан Искендр Македоны үр угсааны үзэсгэлэнт бүсгүй, Хэрээдийн Нагачу хааны зээ Күлнай бүсгүйг дагуулан иржээ. Тэдгээр эрх танхи эмс мөнгөн дуулга доороос унжих хар гэзгээ гялалзуулан, хар хив дотортой цагаан нөмрөгөө хийсгэн агсам морин дээр тогтож ядан тонгочуулж, мянга мянган цэрэг эрсийн харцыг үл тоон Жирх ноёны шогч үгэнд инээдээ баран хөхрөлдөж явцгаана. Ялангуяа тэднийг бараадан дагах хишигтэн нөхөд хоёр авхайг зулгайдан аманд нь орчих шахан маасганаж харагдана. Эрх танхил Жирх ноён халуун оронд явахаар бэлдсэн дайчдыг үзэж ханаад сониуч сэтгэл нь хувирч жагсаалын дундаас эргэхдээ цэргүүдэд ерөөлийн ганцч үг хэлсэнгүй. Тэрбээр Байдар ноёны тугын гол цацарт очихоор бараа бологчдоо дагуулан давхин одов.

Байдар ноёны цэргүуд Дунтин нуурын эргээс хөдлөн хоёр өдөр давшин явсаар аажмаар хүн үл амьдрах зэлүүд өтгөн ногоон ойд шурган орлоо. Монгол цэргүүд нарийхан гинж шиг эцэс төгсгөлгүй цуварч өндөр ургасан бут, халуун орны гичгэнэ, хөлмөг дундуур зүтгүүлж модны цоорхойгоор нэг ил гарч, нэг далд орон урагшилна. Замд лууны нүд, лижи хэмээх модны гүзээлзгэнэ, мүгуа хэмээх модны тарвас зэрэг урьд өмнө огт үзэж хараагүй хачин сонин ургамал захаас аваад дайралдана. Өдөр өнжин аялаад орой нь чийг багатай газар сонгон бууж ойр хавийн бут бургасыг цавчиж цэвэрлээд унтахаар хэвтэнэ.

Халуун орны бүгчим ойд нар жаргахын сацуу мэлхий шувууны бааглаж шаагилдах нь ихсэж, сармагчингуудын чарлалдах дуу тасрахгүй үргэлжилнэ. Наран шингэсний дараа бүрэнхий болоход гахай хуухиралдаж, бар ирвэс архирах дуун үе үе шугуйд цуурайтаж, цөөвөр чоно уйлагнах адил улина. Дайжушилэгт Хартаг хоёр аялан явах замдаа ойн цоорхойд хааяа нэг үзэгдэх толбот буга харж хорхойтон бололцоо гарвал намнахаар ярилцаж явна. Нэгэн өглөө хоёр ангуучны тэсвэр алдарч зуут цэргээ явагтун гэж захираад удамбар модны шугуйд орж түргэхэн зуур эргэхээр замаас гарлаа.

Тэнгэр халхлан ургасан ялам, эвэрлэг модны далбагар навчис нүүр гар шавхууртан, төдөлгүй тэр хоёрын бараа тасрав. Хоёр залуу энэ тэрийг ярилцан гүн ойд шурган явж ийш тийш эргэцэн цоохор буга хайн, нумаа бэлдэж хэсэг алхуулав. Тэдний ард өтгөн урасан хялгаст модны цаанаас аялан яваа цэргийн дуу хоолой, морин төвөргөөн сонстсоор бүдэгрэв. Тэр хоёр гоё өнгөт удвал, цээнэ, хятад цахилдаг, түүнийг тойрон эргэлдэх том эрээн эрвээхэйг сонирхон явсаар цэргүүдээсээ холдсоныг мэдэж эргэхийг завдав. Тэрхэн үед модны цаанаас цоохор толбот замбар[халуун орны буга] буга харайн гарч ирэв. Данжушилэгт цочсондоо нумаа өргөж гүйцэд онилж амжилгүй сумаа тавилаа. Нөгөө буга эргэж бусган ширэнгэнд орох үед харвасан сум нь түүний зүүн гуяны доохно зоогдов.

Хартаг харваж амжаагүйдээ халаглаж морио давиран ухасхийж,

-Шархтлаа! Шархтлаа! хэмээн хийрхэн хашгирав. Тэр хоёр, буга орсон ширэнгэ чиглэн өтгөн өвсөн дундуур ширүүлэн давхив. Ширэнгийг гатлан гарахад цаана нь нөгөө буга бутан дунд бүдчин догонцож нэг ил гарч, нэг далд орж хол хол харайлгаж харагдана. Тэр хоёр гөрөөндөө хорхойтож,

-Тэр явна. Тэр байна гэж нэг нэгийгээ уриалан давхисаар буганд ойртон хэд хэд харвав. Чингэсэн боловч оносонгүй дахиад л шархтуулжээ. Хартаг бүр хөөрч, '

-Дахиад шархтлаа. Одоохон унана хэмээн үүлгэрдэн гуугачиж бие биесийн хойно урд орон давхина. Шархтай буга улам хүч авах мэт дээр дээр харайлган нэг ойртон, нэг холдон зугтсаар гүн ногоон шугуйн хаагуур орсон нь мэдэгдэхгүй алга болжээ.

Дайжушилэгт морио давиран бут бургасан дундуур харайлган шархтай буга дахиж үзэгдэх болов уу хэмээн горьдож эргэн тойрныг ажиглан давхив. Тэгтэл гэнэт өмнө нь ойн цоорхой тааралдаж, тэнд харайлган гартал хөлгүй намагт хүлэг сайн морь нь шигдэн унаж эзнээ тэртээ хол шаварт шидэж орхив. Сандарч сарваганан нүүрэн дэх шавраа арилгаж, эргэн тойрноо зэрвэс ажиглавал өтгөн их ойгоор хүрээлэгдсэн бяцхан нуурын хөл дэх намагт орсныгоо үзэв.

Хажуугийн модонд сармагчингууд нааш цааш мөчир дамжин гүйлдэж шаварт унасан хүнийг анзааран шаагилдацгааж байна. Дайжушилэгтийн хул хээр шаварт тийчигнэж эрэг дээр гарахаар унгалдан зүтгэвч хөл дээрээ босож үл чадна. Дайжушилэгт янгинан өвдөх хавиргаа тэмтэрч эмзэглэн ярвайв. Намгаас гарах гэж өндийвөл шингэн зуурсан арвайн гурилд живэх мэт улам доош суулаа. Хөдөлбөл живэх аюултайг, ойлгоод нумаа саадагнаас яаран сугалж дэрлэж авав, Ингээд л чимээ гаргахаас ч болгоомжлон сэхээ автлаа түр зуур амсхийв. Хул хээр морь дэргэд нь янцгаан хөлбөрснөө бас чимээгүй болов. Удалгүй намгаас үргэж ниссэн өрөвтас буцаж ирээд наагуур цаагуур нь сэм сэмхэн хичээнгүйлэн алхаж жижиг нууранд элбэг амьдрах мэлхий, жараахай түүж гарав. Дайжушилэгийн гар дээгүүр хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй хар могой гулсан өнгөрөхөд цочсондоо гараа сэгсрэв. Нуурын өрөвтас үргэж, дэглий нисэн алдан далавчаа засаж шаварт шигдсэн жигтэй амьтныг хачирхан хоёр нүдээрээ ээлжлэн хараад ус гүйсэн шаварт болгоомжлон холхино.

Морь янцгаахаар Хартаг давхиад ирэх болов уу хэмээн горьдон хүлээвч тоть, сармагчин гуугачихаас өөр чимээ үл сонстоно. Иймэрхүү байдлаар хэсэгхэн хугацаа өнгөртөл гэнэт архан талд нь ус цалгилах чимээ гарав. Эргэж харвал замбага цэцгийи далбилзан хөвөх усны мандал дээр ямар нэг амьтны хоёр нүд бүлтийн цухуйж байв. Юу болохыг таньж амжаагүй байтал нөгөө амьтан уснаас ил гарч, аймшигт шүдтэй том амаа ангайлган түүнийг идэхээр заналхийлж харагдлаа. «Гүмбраа матар» гэсэн бодол тархинд нь харваж, нуруугаар нь хүйт оргиж зарайв. Саяхан гар мухар туранхай нанхиадыг усан доор жадалсны хариу ирэх нь энэ буюу хэмээн сэтгэж, Сүн улсын өмнөд хилд хүн амьтан үл амьдрах зэрлэг ойд аминаас хагацах болов хэмээн гунихран гасалж. ховдог идэмхий матрын урт нарийхан шүд хүягны завсраар хэзээ шигэн орох бол гэж сэтгэл түгшин хүлээв. Тэр аймшигт амьтан нуруунаасаа ус гоожуулан могой мэт гүрвэлзэн түүнийг тойрон .мөлхөж уульхай нүдээр гөлөрнө. Хул хээр зэвүүцэн үргэж чанга чанга хуурхиран янцгааж шавраас гарахаар зүтгэвч матрын анхаарлыг улам их татаж сэрлийг нь хөдөлгөх ажээ. Гэтэл бас нөгөө талд ус цалгилан ойрхон ургах бүдүүн навчат модны ёроолоос хавьгүй урт матар мөлхөн гарч ирэв. Жижиг матар Дайжушилэгийг хул хээртэйгээ живж үхэхийг хүлээн хэвтэх гэсэн байтал шинэ түрэмгийлэгч гарч ирэхэд дургүйхэн ухарч олзоо орхих бөгөөд ядаж нэг юм үмхье гэж бодсон бололтой дашмагтай ус хэвтэж байсныг ухасхийн зуугаад дутаахад том матар тэр олзыг бас хуваалцах бодолтой хэрсүү муу матрыг дайрч сүүлээрээ шавхуурдан ус үсчуүлж Дайжушилэгтээс холгүй дашмаг булаацалдан ноцолдоход үүтэй ногоон нуруу нь таталдан, толгой сүүл нь орооцолдон шавар шалбааг цацаж хачин жигтэй тулалдаан өрнөлөө. Дайжушилэгт тэнхээгээрээ хашхиран шавар дотор хөлбөрөв. Олдохгүй байсан сэлэмний бариул ашгүй тааралдаж илдээ сугалан гозолзуулав. Хэрсүү жижиг матар ямар боловч Дайжушилэгтийн дашмагийг түрэмгий том матарт алдсангүй намгийн тачир өвсөн дундуур мөлхөж зайлаад усанд ургах ороонго модны сүүдэрт орж хэвтэв. Том матрын хорхой нь гозолзсон бололтой завжаараа шавартай ус савируулан ойртов. Дайжушилэгт сэлмээрээ ус дэлдэж,

-Чаа чаа! Хөж гэм. Цүд цүд, үзэшгүй муу хар мангас гэж эгдүүцэн хашгирч үргээх гэж оролдоно, Матраас айж тийчигнэхдээ улам доош живж байгаагаа өөрөө ч анзаарсангүй; Нөгөө матар ухас ухасхийн дайрч, шар шүдтэй аймшигт улаан амаа ангайж Дайжушилэгийн бугуйнаас хазахаар завдав,

-Аа гэж Дайжушилэгт бачимдан хашхирч хоншоорыг нь сэлмээр хатгаж түр ухрав. Өлсөж ходоодных нь шүүс асгарагч бузар мөлхөгч салах шинжгүй эргэлдэж гэнэт гэнэт ухасхийн дайрна. Тэгснээ гэнэт нөгөө гүмбраа цагираглан хөлбөрч дороо эргэхэд суган тус газар урт сум зоолттой харагдав.

Дайжушилэгт хамаг анхаарлаа гүмбраа матар тавиад түүнд туслахаар амжиж ирсэн Хартагийг анзаараагүй ажээ. Хартаг гүмбраа матрыг харвахаар дахин сум онилсноо хөдөлгөөнгүй болоход больж саадаглаад эмээлээс цалам авч Дайжушилэгтэд шидэж өгөв. Цаламны үзүүрийг буцаагаад авчих вий гэсэн шиг Дайжушилэгт ухасхийн тас зуурав. Хартаг түүнийг татах зуураа,

-Шилэгт битгий яар! Сэлмээ аваач! Нумаа аваач! Биеэ зугуухан сулла. Гутлаа шаварт алдавзай гэж анхааруулна. Дайжушилэгт уухилж янцаглахаас өөр хариу үл дуугарна. Шавраас л гарч авбал гутал ч яамай хэмээн бодсоноо Хартагийн сануулснаар нээрээ энэ их ойд хөл нүцгэн яах ч юм билээ гэж санаад сугарч буй гутлаа хөлөөр тэгнэв. Түүнийг эрэг дээр гарахад Хартаг амьсгаадан хөлсеө арчиж,

-Төөрч төөрч чамайг арай гэж оллоо. Энэ ойд шувуу, сармагчин гааглаж орилохоос өөр юу ч дуулдахгүй юм гээд цалмаа эвхэв. Дайжушилэгт биенд наалдсан шавраа өвсөнд арчиж,

-Үхэх дөхөв. Бутан дээгүүр харайлгаад намагт зоогдлоо. Ашгүй чи амжиж ирлээ. Одоо морио яаж гаргана даа гэв, Хартаг цалмаа эвхэнгээ морь уруу нь сэтгэл зовон харж,

-Ашгүй дээ цойлж зүтгэсээр наашаа харчихаж, Яльгүйхэн дэм өгвөл гараад ирнэ дээ гэж овоо уужирсан шинжтэй өгүүлэв.

Дайжушилэгт бургас дамжин нааш цааш хөлхөж морио үзээд,

-Миний хул хээр ч ухаантай хүлэг шүү. Урд хөлийг нь хатуу газар гаргачихвал өөрөө харайлгаад гарна. За байз яаж дэм өгдөг юм билээ хэмээн арга сүвэгчилэн бодолхийлнэ. Хартаг цалмаа зэхэж,

-Эмээлийн бүүрэгнээс бугуйлдаж мориор татуулбал яана гэхэд Дайжушилэгт дургүйлхэж,

-Эмээлийн бүүрэг хэмхэлчихнэ. Бургас тайрч зам засъя. Битгий бугуйлд. Битгий цалам шид хэмээн хорив. Хартаг Дайжушилэгтийг шоолон инээмсэглэж,

-Саяхан морь ч яамай, амь гэж залбирч хэвтсэн хүнд одоо эмээлийн бүүрэг хайран болж байх шив. Юмаа гэж хурдан өөрчлөгддөг шүү гээд цалмаа цааш тавьж Данжушилэгттэй хамт бут бургас цавчихаар явав. Тэр хоёр энэ нутагт элбэг ургах уянгат мод, энэтхэг хуайс, ялам, жодоо модны мөчир цавчиж хооронд нь ороонгоны үндсээр хэрж бэхлэв. Наргил модны далбагар навч дээр нь овоолж мориндоо зам засав, Мориныхоо цээжин доогуур ухаж төнхсөөр мод шургуулж урд хөлийг шавраас сугалав. Шөнө харанхуй болсон хойно Хартагийн мориор татуулж Дайжушилэгтийн хул хээрийг намгаас гаргав.

Хоёр залуу саглагар титэмтэй заан модны ёроолд гал өрдөж шавар шавхайгаа хатааж хоноглов. Өглөө үүрээр мордож урагш одсон цэргийнхээ хойноос нэхэв. Урд зүгийг барин хэчнээн явав ч цэргийн ул мөр эс дайралдав. Мод ширэнгэ улам өтгөрч эцэстээ морь унаатай байтугай явган алхах газаргүй болов. Сэлэмнийхээ ирийг мохтол ороонго цавчиж цуцаад цэргээсээ төөрч хоцорсныг сая тэд дор бүрнээ ухаарч эхлэв, Дарангуйлагчид лижи модны сүүдзрт сууж борцоо сугалан зажилж, дашмагтай уснаасаа ундалж дор бүрнээ бодолхийлэн дүнсийн суух үед Дайжушилэгт мөчрийн сиймхийгээр харагдах цагаан үүл ажиглан,

- Толгой нь эргэсэн хоёр мангуу буруу замаар л будаа тээж явав бололтой гэж санагдах юм даа гэж өгүүлэв. Нөгөедөх нь толгой сэгсэрч,

-Яалаа гэж. Явах зүгтээ л явж байна. Цоохор гөрөөс хөөцөлдөж зүүн хойш явсан биш үү. би чамайг эрж явахдаа баримжаалж байсан юм. Өглөө босуут л толгой эргэчихэв үү дээ, байз. Энүүхэн хавиар манайхан биднийг эрж яваа биз. Хүүе! Хүүе! гэж хэд гуугалаад чимээ чагнан сууснаа — Энэ харанхуй ширэнгээс гарчихвал боллоо. Явдаг хэрэг ээ гэж зүтгэв. Тэд хэсэг зуур амраад орой нар жаргатал нэлээд урагшлав. Гэсэн ч балар ширэнгэ сийрэх яагаа ч үгүй байна. Маргааш нь өдөр туж зүтгэлээ. Халуун орны ширэнгээс гарах найдал мухардав.

-Хар ширэнгэний занганд орлоо. Дүүрсэн хэрэг. Онгон сахиусандаа мөргөөд зүтгэцгээе гэж хоёул ярилцаад бутны завсар, модны цоорхойгоор шурган морио хөтлөн явтал нэг мэдэхэд хүн явахын аргагүй хулсан ой үргэлжлэв. Хулсан ой дундуур урсах жижиг горхийг даган уруудсаар орой болгож хоноглохоор буув.

Хартаг моринд ачаатай хуяг дуулгаа буулгаж, Дайжушилэгтийн дэргэд эмээлээ түшин амарч хөлсөө ч арчих тэнхэлгүй унжийн сууна. Дайжушилэгт хар хөлсөнд наалдан овоорох ялааг үргээн бас дуугарах сөхөөгүй сууна.

-Хээр талд гарч алсын бараа харах юмсан гэж Хартаг гэнэт ам нээв.

-Ай даа мөн гзж Дайжушилэгт хээр талаа санагалзан шүүрс алдаад — Ядаж энэ хулсны ёзоор гөлчийгеөд авирч болохгүй шинжтэй. Манай аавын нутагт ч сайхан даа. Хэнхдэгээ ярчихаад довцог толгойн оройд суухад сэрүүн салхи үлээгээд л хөндийгөөр нь цагаан зээр яралзаад ай даа мөн сайхандаа гэхэд,

-За за дэмий юм ярьж юу хийнэ. Зээр гэхээр шөл уумаар санагдлаа. Энэ балар ойд зээр чүзэгдэхгүй юм. Муусайн гүрвэл, шоргоолж идэштэнээр дүүрэн баларсан газар байна. Манай цэргүүд биднийг эрж цөхөөд бар ирвэсний хоол болж гэж бодож яваа даа. Ээ чааваас гээд цөхрөн Дайжушилэгтийн дэргэд хөлөө жийн хажуулдав. Дайжушилэгт богцноосоо аяганы хийц гаргах завдсанаа,

-Энэ маань дуусах төлөвтэй. Модны тарвас идье. Энүүхэнд жижиг оруулга дайралдсан шүү. Шөнө сахих уу гэж хэлэв.

Тэр хоёр амт болц муутай түүхий жимс баахан үмхлэв. Нум сумаа саадаглаж горхины оруулга сахихаар хөдлөв. Шөнөжин сахиад юу ч орж ирсэнгүй ходоод нь хонхолзож, ялаа шумууланд идүүлж цөхөөд босъё уу гэж байтал туурайн чимээ сонстов. Тэр хоёр амьсгаагаа даран харанхуй уруу ширтэв. Бургасны цаанаас цоохор гөрөөс ганц нэгээр гарч чихээ соотолзуулан болгоомжтойхон зогссоноо эрэг уруу бууж ус уув,

Сайхи хоёр эр эрхийгээ чинэртэл татаж, онилохын сайнаар онилж сумаа тавивал хоёр гөрөөс амин газраараа харвуулж усанд шургачин унав. Бусад нь үргэн давхиж бургасанд алга болов. Дайжушилэгт Хартаг хоёр хүлээж тзвчээрлэснийхээ идээр махтай болсондоо баярлаж нэг нэгээр нь мөрлөж морь уясан газраа ирэв. Морьд нь хуухиран тогтож ядан дэвхцэхийг үзээд амьсгаадан гүйж хүрвэл ашгүй бүрэн байв,

-Чи бид хоёр бас л бодлогогүй юмаа даа. Анд хорхойтож яваад живж үхэхэд тулсан. Одоо энэ балар ширэнгэнд морио алдах дөхлөө. Үүгээр лав нэг араатан шиншлэв бололтой гэж бие биесийг зэмлэн гөрөөсөө өвчив. Хартаг гал түлэхээр зэхэв.

Морь нь үе үе үргэж, чих нь солбино. Тэр хоёр сэлмээ шүүрэн харанхуй ойг болгоомжлон ширтэвч юу ч үл мэдэгдэнэ. Хартаг ойр хавийн хулсыг цавчин, хатсан навч цуглуулж гал өрдөв, Тэр хоёр овоо тайвшран галын гэрэлд сууж байтал толгой дээр нь гэнэт тэнгэр ниргэх шиг чих дүлийрэм их дуу гарав. Морь чарлаж Хартаг Дайжушилэгт нар босон харайв. Юу болсныг асуулцаж амжихын завдалгүй дарьт бундаг буудах адил бас дахин их дуу чихэнд хадаж гал дээр тавьсан хулс оч үсчүүлэн тэртээ хол харваж уналаа. |

-Ээ халаг наад хулс чинь буудаад байна. Нойтон хулсны чөмөг тэсэрч байна. Шилэгт ээ! Галаа унтраа гэж Хартаг сандран түлхэхэд Дайжушилэгт уулгалан ухасхийснээ нэг санаа төрөв бололтой цааргалан,

-Тийм байна хөөе. Гал унтрааж яах гэсэн юм бэ?. Одоо гайгүй биз. Тэсэрвэл тэсэрч л байг, Араатан амьтан таг чиг болохыг чи сонсохгүй байна уу? Чоно нохойг айлган хөөг гэлцэн хоолоо болгохоор эргэж суув. Тэр хоёр галд хулс хаяхдаа чөмгийг нь бяцалсан боловч дахиад тэсрэх вий гэж болгоомжлон хялвасхийж нэг нэгийнхээ цочсоныг санан санан шоолон хөхрөлдөж бугын мах идээд унтахаар хэвтэцгээлээ.

Нар дээр хөөрсөн хойно сэрж морио эмээллээд цааш хөдлөхөд морины нь чих бас л соотолзож байв.

Хартаг халтар зээрдийнхээ чихийг зааж,

-Эргэн тойрон буг чөтгөр эргэлдээд амар заяа үзүүлэхгүй газар юм даа. Шөнө унтахдаа дарьт бундагаа тавиад хоносон нь болж хэмээн хөхрөв. Ингээд хоёр залуу шугуй дундуур цааш замнав. Дайжушилэгт эргэн тсйрныг ажиглан морио давиран сажилж явснаа гэнэт зогтусаж,

-Хүүш Хартаг! Тэр модны оройд хүн сууна гэж дуу алдав.

-Хаана хаана гэж Хартаг сандран морин дээрээ бөгтөгнөн ийш тийш ажиглав.

-Үгүй тэр дээр! Дээгүүр хар гэм гэж Дайжушилэгт уцаарлан тэднээс холгүй буй өндөр хулс заав. Өтгөн ургасан хулсан дунд бараан алаг амьтан нарийхан мөчир дээр найгаж харагдана. Хартаг нумаа сугалан сумаа онилж,

-Тийм байна. Тийм байна. Ямар амьтан энд юу хийж сууна вэ? гэж гайхан хэлэлцэж хоёр залуу болгоомжтой ойртов,

-Энэ хүн биш баавгай гэхэд Хартаг зөрж,

-Ийм халуун газар юун баавгай байх вэ дээ. Цагаан өмд өмссөнийг харахгүй юу гэснээ

-Нээрээ хүн биш шиг байна. Сармагчинтай ижил ямар жигтэй амьтан бэ? гэж дуу алдав.

Тэр хоёр морин дээрээс тэрхүү жигтэй амьтныг онь холбож харвав. Шархтсан амьтны урхиран хүрхрэх дуу гарч мод мөчир хугалсаар газар унав. Тэр хоёр дөхөж очив. Хар цээжтэй, цагаан бөгстэй, нүд нь дүгрэг хар хүрээтэй алаг баавгай агнажээ. Хартаг баавгайнаас сумаа сугалан авч,

-Чиний сум хугарчээ, Хайран сум... гэж шогшроод мориндоо эргэж мордов, Дайжушилэгт тэрхүү баавгайг нааш цааш нь эргүүлэн үзэж,

- Ямар хөөрхөн амьтан бэ! Алив буугаад ир. Ядахдаа өвчиж арьсыг нь авъя гэв. Хартаг баахан цааргалснаа Дайжушилэгтийг явах шинжгүйг үзээд бууж баавгайгаа өвчив. Хартаг мордохдоо,

-Дэмий л цаг алдлаа. Наадах чинь хэд хонохгүй өмхийрч өтнө. Давс бага гэж хэлэв. Дайжушилэгт богцоо уудалж тэгэхээс тэгэх гэсэн юм шиг атга давс гаргаж арьсаа харамгүй давслаад хөдлөв.

Тэр хоёр бүтэн өдөр хагас явж холимог ойн цоорхойд гарав. Өндөр модон багана дээр барьсан хулсан овоохой бүхнй бяцхан гацаанд хүрэв. Эхний овоохойгоос урт хар үстэй нүцгэн хүн гарч ирэв. Тэднийг үзээд зог туссанаа гэнэт муухай чарлан өвс сондуулд бүдчин суурингийн төв болох бүдүүн хулсан баганын дээр барьсан томхон овоохойн зүг харайлгав. Түүний өөдөөс хэдэн хүн гарч ирснээ мөн л их дуу тавин чарлаж ийш тийш харайлгаж асар их шуугиан дэгдээлээ.

Хартаг мориныхоо амыг татаж,

-Үгүй ер өө. Мичнээс дутахгүй их дуутай амьтад вэ гэж гайхан өгүүлэхэд Дайжушилэгт,

-Хүн мөн үү? Чи сайн хар гэж нүдэндээ итгэхгүй амандаа үглэв. Тэр хоёр том овоохойн өмнөх талбайд хүрч очив. Тэндхийн шалдан нүцгэн улсууд үхэтхийн газар унаж чичирч хэвтэнэ.

Тэдгээрийн толгой өндийлгөхийг хүлээж ядаад Дайжушилэгт мориноос бууж хулсан шатаар авиран ззгүй овоохойд орж идэж уух юм хайв. Газар хэвтэх шалдан хүмүүс Дайжушилэгтийг мориноос буухыг үзэж гайхан дуу алдана. Дайжушилэгт овоохойгоос хэдэн ширхэг наргил жимс олж тэвэрсээр гарч ирэхэд тэдгээр урт үст улсууд хүүхэд шуухдаа элгэндээ тэврэн чичирч яахыг нь ажиглан бөөгнөрөн сууцгааж байв.

Тэр хоёр морио цулбуурдан сууж наргил жимсийг сэлмээр цавчин онгойлгож, доторх шүүсийг ууж амны цангаа гаргаж, дуу шуугүй сөхрөн бөгтийх улсуудыг хялам хяламхийн ажиглаж,

-Энэ зэрлэгүүд чинь бид хоёрыг харж юундаа гөлөрнө вэ? гэж асуухад Хартаг ширэв татан амаа арчиж,

-Мэдэхгүй. Хадны мангаа гэж айсан юм болов уу! Эсвэл адуу үзээгүй гайхлууд уу? гэж хариулаад наргилын хоосон ясыг хажуу тийш бутанд шидээд,

- Алив нааш ир. Дөхөөд ир гэж нэлээн бадируун эрийг хуруугаар занган дуудав. Тэр эр баахан хулгаснаа дуртай дургүй өндийж болгоомжтой дөхөв. Хартаг сэлэмнийхээ бариулаас атгаж,

- Дөхеөд ирэхээр нь тас цавчиж хаях уу? гэж Дайжушилэгтээс асуув. Дайжушилэгт Хартагийн энэ үгэнд цочиж,

- Яах юм бэ? Зэвсэггүй гар хоосон амьтдыг хөнөөвөл тэнгэр бурхан хилэгнэнэ гээд дөхөж ирсэн эрийг хөлөөс нь толгой хүртэл ажиглан ширтэж,

- Чи хаанахын хэний албат иргэн бэ? гэж асуув.Тэрбээр гайхан гөлөрч юу ч үл дуугарна.

Дайжушилэгт чихээ зааж дуулахгүй байна уу гэж дохив. Цаадах нь мөрөө хавчин өөрийн омгийнхныг тэвдсэн шинжтэй эргэж харав. Эл байдлыг ажиглаж байсан эмс харчууд тэр эрийг зоригжуулах байдлаар өөрийнхөө хэлээр хашгиралдав. Сайхи эр сая амь орох мэт шүлсээ гүдхийлгэн залгиж морь болон ой өөд ээлжлэн зааж баахан шулганав.

- Золигийн муусайн нүцгэн чөтгөрүүдийн хэлийг даанч ойлгох биш гэж амандаа үглээд тэр хүний цээжийг зааж эргэн тойрноо дохин

- Кай Цин хуандийн албат уу? Кай цин гэж мэднээ? гэж асуув . Нөгөөх нь юу ч ойлгосон шинжгүй бүлтэгнэв.

- Биш шив дээ. Бид хаашаагаа хүрээд ирэв ээ гэж санаа алдаад ийш тийш уйтгартай ширтэв. Удалгүй газраар хэвтэх улсууд ганц нэгээр босож тэднийг хүрээлэн авав. Мань хоёр ойн иргэдтэй үг хэлээ ойлголцох гэж дохиж зангаж байтал хэн нэгэн болгоомжгүй сониуч эр Хартагийн зээрдийг үргээж тургиулав.Овооролдон шуугилдацгааж байсан ойн иргэд тал тал тийш бутран далбагар том навчтай халуун орны бутанд нуугдан суув. Эл бүхнийг үзсэн хоёр залуу тэссэнгүй тачигнатал хөхөрч,

- Үгүй хөөе хараач. Морь үзээгүй мангасууд юм. Ээ харлаж хэвт! хэмээн хараал тавив. Бутны цаанаас зэвхийрч цайсан нүүр үзэгдэж улмаар цайлган сэтгэлт аймхай улсууд тэр хоёрыг дагаж өөрсдийгөө шоолон хөхөрцгөөв. Халуун орны дал модны бяцхан цоорхой дахь жижиг тосгон даяар инээдэм ханиадам цуурайтаж, инээд ханиад нь эцэстээ баяр наадам болон хувирч нутгийнхан дуулж хатирч эхлэв. Ойн иргэд тэднийг жимс ногоогоор дайлж, халуун чулуун дээр навчинд хавчуулан шарсан мэлхий, шувууны мах идүүлэв. Тийнхүү шөнө харанхуй дүл болтол наргицгаав. Хөгшин хөвөөгүй зэр зэвсэг үзэж гинж, ялтсыг нь шаржигнуулан гайхаж, хуягны толинд дүрсээ харж бахдан дуу алдацгааж байлаа. Тэдгээр иргэд өөрсдөө төмөр байтугай хүрэл хутга ч үл хэрэглэх ба хурцалж үзүүрлэсэн уулын чулууны зоргодсоор мах ногоогоо янзлах ажээ. Дайжушилэгт шинэ танилууддаа сэлэмнийхээ ид бахыг үзүүлж ойр хавийн бургасыг налам цавчиж харуулав. Сүрдэж гайхсан царайтай нутгийнхан шавааралдан дагаж,

- Куай да до! Куай да до хэмээн ам амандаа бахдан хашхиралдана.

Маргааш өглөө нь үүлэн тосгоноос хөдлөв. Омгийн толгойлогч бэлэг сэлт барьж ойд тэнэгч залуусыг халуунаар үджээ. Замдаа тэд агаарт барьсан оромж бүхий хэд хэдэн тийм жижиг тосгон суурин дайран өнгөрөв. Тэдгээр тосгоны хүн ам хэний ч албат бус бөлгөө. Бүгдээр нэг том гэр бүлд багтан айл өрх гэж тусгаарлах зовлонгүй амьдарна. Манай төөрсөн хоёр дарангуйлагчийг үзээд «адгуус бөгстэй, хүн цээжтэй ойн савдаг морилов» хэмээн айн сүрдэх ба хүн бие нь мориноос буухыг хараад ойн савдгийг эзэмдэн хөлөглөгч бурхад гэж боддог бололтой ихэд дээдлэн хүндэлж өнгөрүүлэх ажээ.

Олон өдөр аялж, ус ихт гол горхийг гаталж, ороонго ойм битүү хэрсэн шигүү модтой уулсыг даван ядрах туйлдахын эцэст тулж хамаг найдвараа бараад байтал арайхийж тутаргын талбай дайралдаж иргэншилтэй суурин газар хүрэв.

Тэднийг тосгонд гэлдрүүлсээр орж ирэхэд үлдэж хоцорсон цөөхөн хэдэн тариачид эд агуурсаа орхин яаран сандран зугтан зайлцгаалаа. Энд тэнд шатсан овоохой байшин харлаж дайны хөлд цөм үрэгджээ. Дайжушилэгт Хартаг хоёр хүн амьтан айлган явсаар удалгүй монгол цэргүүдтэй уулзалдав. Өлзийт ноёны хээрийн ордонд бараалхав, Дайжушилэгт Хартаг хоёрыг ирсэнд зуут цэрэг баярлаж балар ногоон тамаас амьд мэнд гарч ирснийг нь гайхан шагширан цэргүүдийн хэдэн өдрийн ярианы сэдэв болов.

Дайжушилэгт Хартаг хоёрыг төөрч явах үед Байдраг ноёны түмт Чин далай хүрч далайн эргийн хот тосгодыг гэнэт довтлон эзэлж эд агуурс, эмс охидыг олноор олзлон авч аян дайны сүлд өөдрөг байв аа. Тэгтэл хойноос нь элч ирж тэнгэр эзэн Мөнх хаан, Дали уулын боомтыг бүслэн байлдаж байгаад халуун хижгээр таалал төгсөж тэнгэрт хальсныг дуулгаж дайн байлдааныг зогсоож тайлга тавиглал хийж гурван өдөр, гурван шөнө гашуудаад саяхнаас тулалдааныг үргэлжлүүлж буй ажээ. Энэ эрчээрээ байлдах аваас Сүн улсын далайн боомтуудыг өвлийн дунд сар хүрэхэд хэмх хамх эвдэж дуусгах байтал монголын төрийг барих хаан тодролгүй байсаар ихэс ноёдын дунд үймээн самуун дэгдэж Хархоринд Мөнх хааны отгон дүү Аригбөх бүх монголын хаан ширээнд өргөмжлөгдөж, Шанду хотод түүний ах Хувилай өөрийн биеийг хаан ширээнд өргөмжилж, хэн хэндээ бууж өгөх хүсэлгүй хэрсэн бух аятай нэг нэгийгээ хялайн үзэж тэнгэр газрыг доргитол дошилж зарим түмт нэгтгэлийг гэдрэг татжээ. Ийнхүү Дайжушилэгт Хартаг хоёр хэд хоног амарч тэнхрээд Чин далайг үзэж амжилгүй Хар мөрнийг зорин Хувилай хааны ордонд буцахаар мордов.


Top
   
PostPosted: Oct.15.15 12:14 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин нэгдүгээр бүлэг

Хоолой амаар ус цутган урсаж цусанд нэвчин, өтгөрч зунгааралдсан бодлыг сийрүүлж, ухаан санааг саруулжуулах мэт. Дашмагтай уснаас нэжгээд балга уусан боловч биеййн халуун буусангүй чих дүнгэнэж толгой ангалзана. Усгүй цөлд хүн гэгч амьтан өчүүхэн муу худгийн амсраар мэлтэлзэн гарах шингэн цэнхэр эрдэнийг хомхойрон ширтэж дээдлэн хүндэтгэдэг ажээ. Халуун наранд шарагдах элсэн довцог дунд энэхүү нандин эрдэнэ нуугдан байх нь ертөнцийн нэгэн гайхамшиг буюу. Байгалийн ямар хүч, бурхны ямар номоор энэ хатсан сайрт ус эрдэнэ оршном бэ! Эргэн тойрон элс сайр, түүнийг гаталбал дараагийн ваади хүртэл хатаж хорчийсон баглуур сагсуулаас өөр өвс ногоо үл дайралдана.

Арабууд элсэн сайрыг ваади гэх ба элсэн сайр дамжин амьдрах малчдыг бидүани-цөлийн хүн гэж нэрлэнэ. Тэд тулалдах дайлдахдаа сүрхий.

Сабраг ус уух завсраа хүн хүн дашмагаа дүүргэж, хэдэн балга ус уухаас илүүг хэрэглэж болохгүйг хянана. Гүехэн шавар худгийн ус зуун цэрэг, гурван зуугаад агтны цангааг яахан гаргаж хүрэлцнэм билээ. Ундлах дарааллаа тэсвэртэй хүлээх алан голдуу цэргүүд хатсан уруулаа хэлээр долоож нутгийн аялгаар ганц нэг үг солилцон худгийн нөгөө талд зогсоно, Сүүлийн үед Багдад, Мосулыг эзлэн авах тулалдаанд Хулагуу хааны олон шилдэг эрс амь үрэгдэж, бэртэж шархтаж, голдуу алан, армен, күрд цэрэг жагсаалд орж монгол нэртэй л бол Сүнид, Тунас, Сухайд, Сартуул, Уйгар, Хиргис хамаагүй цэргийн даргад тохоогдох болжээ.

Багдадын халиф Мустасим цаазлуулахад араб нутаг даяар хөл үймээн дэгдэж яах учраа олохгүй тэвдэн сандарч элсэн цөлийн өнцөг бүрд ноёлон суух султан эмирүүд өөр өөрсдийн жижигхэн халифыг өргөмжлөн түүнийгээ л зохимжтой гэж үзэцгээх ажээ. Түүний дотор Мисир дэх Вавилоны султан Мансур, кипчак гаралтай Бей Барс нарын дэмжин өргөмжилсөн халиф ихэд нөлөө олсон байв.

Ачигхори ноёны түмт Хулагуу хааны зарлигийг дагаж Сири дэх Дамаск хотыг буулган эзэгнэх, мөн цаашилбал Бекаагийн хөндийг өгсөж Үхмэл нуурын эрэгт орших Ийсус Христосын өлгий нутаг ариун Иерусалимыг авч Франкийн Гэгээн Лүй вантай тохирсон ёсоор хэрээс шүтэгч загалмайтнуудад өгөх даалгавартай ажээ.

Сабраг Тигр голын наргил, хялгаст модны өтгөн шугуйгаас гараад хэд хонож байв. Багдадад хүрэхээс өмнө Камила хатны хүрээнд бууж хонгор гэргий Нэмүүлэнтэйгээ учран золгож алс тэртээ монгол нутгаас эцэг эхийнхээ мэндийг уламжилж, удахгүй удам судар нэмэгдэх болсныг мэдэж, магнай хагартал баярлаж бушуу түргэн Вавилоны хэрсүү зөрүүд Мансур султаныг няц цохиж өвдөг сөхрүүлээд буцахын мөрөөсөл болжээ.

Гэвч хувь тавилан хүссэнээр бас л гүйцэлдсэнгүй. Гэгээн Лүй вангийн загалмайт цэрэг их дайнд орох бэлтгэлгүй түдгэлзсээр байв, Тэдний байн байн гайхуулах загалмайтны долдугаар аян мянган жилдээ эхлэх шинжгүй,

Сабрагийн зуут цэрэг ундаалж, морь малаа усалж дуусав . Худгаас цааш хөдөлж Улагаа ноёны толгойн ангийг нар шингэхээс өмнө гүйцэхээр яарав. Зарим үед элсэрхэг, зарим хэсэгт наанги шавар хөрст, дундаа баян бүрд ногоорох намхан толгодуудыг дамжиж хэдэн өдөр зогсоо чөлөөгүй цогиулсны эцэст Халеб хотын бараа харав. Хотын бэхлэлт цайзыг Ачигхори ноёны түмтийн толгойн ангиуд бүслэн хатгалдах ажээ. Мөн тэнд Килигийн армян цэргүүд хамжан оролцож байв. Өндөр толгойн оройд боржин чулуугаар цайзлан барьсан нүсэр зузаан хэрмээр хүрээлэгдсэн ихэмсэг хотыг нурааж хэмхлэх үнэхээр бэрх буюу. Хотын иргэд, өвгөд хөгшидгүй гартаа зэвсэг барин хэрмийн ханан дээр хамтаар гарч, үүлэн шатаар зогсолтгүй авиран давшлах харийн дайчидтай баатарлаг тулалдаж байна. Хотыг тойруулан энд тэнд дүүгүүр оньс тавьсан харагдана. Тэнд бөөгнөрөх цэргүүд нааш цааш сүүтэгнэн холхиж хэрэм давуулан давирхайт галт бамбар, ваартай дарьт бундаг шидэх ба зарим байшин шатав бололтой хар утаа олгойдож, бундагийн дэлбэрэлт нүргэнэ,

Сабраг мянгантаа даган хотын хөл дэх багалуур сагсуулын бутан дунд буув. Ачигхори ноён Улагаа ноёны мянгатыг хотыг бүслэн байлдаж байгаа тулалдаанд оролцуулсангүй. Тэднийг цааш илгээж Дамаскийг эзлэхээр давшсан мянгатуудын хойноос нэхүүлжээ . Зэрлэг алимны мод армаг тармаг ногоорч чидун жимсний төгөлтэй ээлж дараалан хослох голын эрэг, алсад цайран эрэглэх боржин уулын хоорондох өргөн хөндий даган Сири нутгийн үзэсгэлэнг бахдан явав. Газрын байдал өвс ургамалтай боловч говь цөлийн байдлыг илэрхий санагдуулж униар зэрэглээн дунд дүнхийх элсэнцэр шар боржин уул наранд гялбан гялбан байна.

Замд хэлмэгдэж цочсон тариачид байн байн дайралдах ажээ. Тэдний монгол цэргийг үзээд айж цочих нь загалмайт цэргийг үзээд амь зулбахаас эрхбиш гайгүй биз ээ. Мусульман шашинтныг мах цуснаасаа үзэн ядах хуяглаж зэвсэглэсэн ромын хуврагууд ариун Христосын нэрийг барин хөгшин хөвөө, эр эм ялгалгүй хүйс тэмтрэх учир тэдний явсан замыг сүйдсэн суурин тосгон, үхсэн хүний хүүрэн дээр цуглах хэрээ шувуугаар дүүргэжээ. Замын өлөн тоосон дунд илжиг хөллөж, хүүхэд шуухдаан том сагсанд ачиж, бүдүүн ёрог даавуу орхимж аятай цув юугаан халхалзуулан сайртаж улдсан хөлөөсөө цус шүүрүүлэн алхах эр эм өнгөт нүдтэн шүтлэгтнүүд саяхан зугтаж дүрвэсэн сиричүүдийн нутгийг шувтлах гэж яарах адил гэлдрэн явахтай тааралдана. Алс холын өлгий нутгаа орхиж юугаа хийж энд явааг гагцхүү тэнгэр бурхан мэдэх вий.

Дамаск хотод ойртов. Нар баруунаа гудайж байхад шороо тоосонд дарагдаж хөхөрсөн загалмайтнууд уван цуван үзэгдэв. Ядарч туйлдаад нүд нь хонхойж, саарал хуяг дуулгаасаа ялгарахгүй шахам болсон хөх царай нь бухимдаж уурсан хөнхийгөөд монгол цэргүүдийг хөмсгөн доороосоо хялалзаж харагдана. Тэд юунд уурлана вэ? Тэдний хүссэн загалмайтны аян дайныг Гэгээн Лүй өөрөө хоцроосон бус уу? Гэтэл харин Улагаа ноён тэр дайнаас нь хоцроосон хэрэгтэн мэт монголчуудад бачимдан уурлах нь хорсолтой. Эдгээр Тампель ах дүүс хэмээх Тампель ордны хуягт цэргүүд Буга ноёны толгойн ангитай нийлж Дамаскийг авахаар хавсран тулалдаж, хотоос гэнэдүүлэн довтолж ирсэн Шастер меликийн цэрэгт цохиулж гэдрэг ухарч яваа нь энэ байжээ. Улангасаж хорсохоос өөр хүчгүй хувь хувьдаа толгой мэдсэн замбараа муутай эдгээр ах дүүс өөр хоорондоо үг зөрөлдөн ам мурийж эвдэрхий балгасын ёроолд бөөгнөрөн бууж идэх уух бага сага юмаа янзалж сүүтэгнэлдэнэ. Улагаа ноёны мянгат мөн саатаж тэднээс учир байдал, газар усны янзыг асууж лавлаад цэргүүдийг хэсэг зуур амсхийлгэв. Дараа хөдлөхөд тэд дуртай дургүй зэрэгцэн Дамаскийн зүг буцахаар гэдрэг мордоцгоов.

Нэгэн бяцхан нугачаа енгөртөл зуут зуутыг дамжин «Нуман түлхүүр байр ззлээд» гэсэн тушаал дуурслаа. Цэргийн дарга нарын яхир дуу хадаж, морин туурай нижигнэж нугачаан дунд гинжлэн жагсацгаав.

Улагаа ноён Тампелийн ах дүүсийн ахлах гэлэнг дуудаж толгойн сэргийлэхийн хамт дайсныг тосуулахаар урагш илгээлээ. Сэтгэл дундуурхан баргар царайлсан загалмайтнууд хиур яндраа хийсгэн эмх цэгц муутайхан пөг пөг шогшуулсаар өмнө хойноо оролцон хамар давж далд оров.

Цэргүүд тэсвэртэй хүлээнэ. Тэд ийм байдалд дасжээ. Одоо дайсан этгээд харагдахгүй байна. Нар шингэж голын бургасанд шувуу жиргэх намдсан ч морьд тургиж, замын тоос дарагдаад бүх дэлхий амгалан тайван байдалд шилжив, Анхааралтай бай! гэсэн хэнгэргийн дохио тайвшруулах мэт хааяа нэг дуугарна.

Гэвч хэдхэн хормын дараа тулалдаанд орно гэдгийг Сабраг зөнгөөрөө мэдэрч байлаа. Бүрэнхийгээр тулалдаан хийдэггүй, Шастер меликийн цэргүүд буцсан байх ёстой боловч армаг тармаг бут цоохортон торолзох хамар даван удахгүй тэд гарч ирэхийг ч бас мэдэж байлаа. Сабраг итгэлт сайн хүлгийнхээ дэлийг илбэн алсын бараа ширтэн хүлээсээр.

Түрүүчийн хүн гарч ирэв. Саарал хуягт, шар үст тэр эр үе үе эргэж харан хурдалж монгол цэргийн ард гаран амь хоргодохыг яаран давхих ажээ. Хойноос нь Улагаа ноёны давшуулсан Тампелийн бүлгийн хуягт гэлэнгүүд бүлэг бүлгээрээ гарч урт шулуун сэлмээ гозолзуулан гэдрэг зугтаж харагдана. Тэдгээр загалмайт гэлэнгүүд,

— Ил нэ фо па пердре ла тэт. Атансион! Гярд нос ариер!* хэмээн франк хэлээр хашхиралдан ойртов. Тэдний тоос дарагдаж амжаагүй байтал толгойдоо хар дээсээр цагираглан даруулсан цагаан нөмрөг алчуурын үзүүрт нь салхинд дэрвэлзэн хийсэх ганган сайхан араб аргамаг хүлэглэсэн Шастер меликийн сири цэргүүд арзалзан нэхэн гарч ирлээ. Тэд загалмайтнуудыг юутай ч болов бүслэн авахаар хөөцөлдөж нугачаан дунд занга тавьсныг тоосон дундаас олж үзээгүй нь харамсалтай.

Толгойд явсан агсан дайчид монгол цэрэгтэй гэнэт учирч морины амыг татсан боловч нэгэнт хожимджээ. Эхний суманд тоо томшгүй олноор өртөв. Эзэнгүй морьд бужигнаж өөрийн эрхгүй түрэгдэн орж ирэв. Хойноос нь давших цэргүүд энэ үймээний учрыг гүйцэд ойлгосонгүй. Загалмайтнуудын сүүлийг шувтарч байна хэмээн сэтгэж хатгалдан оров.

Хүн мал орилон чарлалдаж, цовхчин тийчилж харанхуйн дунд хэний цэрэг хаана байгаа нь мэдэгдэх аргагүй болов. Гагцхүү харжигнах гинжин хуяг, салбалзах цагаан нөмрөгөөр нь юутай боловч харийн цэргийг жадалж сүлбэснээ ухаарч байв. Сабрагийн зуутын хажуугаар шааж орсон залгамайтнууд их л зоригтой тулалдана. Тэд нэг нэгийгээ дэмжин улангасан урагшилж, хоёр гурваар цавчуулан хөсөр унавч,

— Вива лө руа! Вива лэвэск!" хэмээн уухайлж ялалтын цаг ирснийг зарлана.

Удалгүй Улагаа ноёны баруун зүүн жигүүр хамхиж Шастер меликийн цэргүүд бүслэгдэх нь тэр. Тэд голын зүг нэвтрэн гарахаар хэчнээн оролдовч талаар өнгөрч харанхуйд жолоогоо алдсан сиричүүд хэсэг бусгаараа бууж эхэллээ.

Үүр цайв. Ядарч үүрэглэсэн мянгат Дамаск хотод хүрэхэд Буга ноёны дайчид Шастер меликийн ар хударгаар тойрч үлдээд хотыг оньсоор харваж эзэлж аваад байв.

Хотын дотор загалмайт шашинтнууд бүлэг бүлгээр үзэгдэж Дамаскийн иргэдийг Христосыг шүтэгч, Мухамедыг шүтэгч хэмээн ялгаж харийн дайсанд эзлэгдсэн цөвүүн цагийг далимдуулан лалын лам хуврагийг толгой дараалан хядаж, бурхан шүтээнийг бузарлажээ. Хулагуу хааны цэрэгт яваа зарим ислам дайчид дээрх явдалд дургүйцэн загалмайтнуудтай сэм сэм мөргөлдөж, хулгай дээрэм, өлсгөлөн, өвчин нэрмэж хотын байдал бүр ч хүндрэв. Буга ноёны зарлиг бууж загалмайтнуудын лал хүмүүсийг хядах явдлыг цаазлан зогсоов.

Урд зүгт Вавилоны улс их сандралд учирч, Сирийн Дамаск унасан гэдэг аймшигт мэдээ элсэн цөл алслан салхинаас хурдан тарж одов. Халеб, Дамаскийн дараа дайны хөл түр зуур намжив. Ядарч шархадсан цэргүүд биеэ сувилж, тарж бутарсан анги нэгтгэл эмхрэн цэгцрэв. Энд тэнд худалдаа наймаа мэр сэр үзэгдэж, нутгийн иргэд эвдэрч хэмхэрсэн эд хогшлоо засаж, өөд татаж энх тунх амьдралын амьсгаа оржээ. Дарангуйлагч болон аравны дарга нарыг Дамаскаас олзолсон алдарт болд сэлмээр шагнав. Тэрхүү сэлмээр хэлхээ хуягийг даавуу мэт салам цавчиж болдог билээ. Сабраг алагдаж шархтсан тав зургаан цэргийн орыг урьд удаах ёсоор нэмэгдэл хүчнээс авч зуутаа бүрдүүлэв. Тэгээд Бекаагийн хөндийд орших Хасбани голын дэнж дээр байрлаж тушаал хүлээн суув. Ийнхүү Сири, Палестин нутгийг түрэмгийлэн эзлэх тулалдаан түр зуур зогсжээ.

Дамаск хотыг авлаа гэж сэтгэл хөөрсөнгүй. Ертөнцийн зах хязгаар дахь хурмэн чулуун дунд орших лалын энэ хотыг авсан ч яалаа, байсан ч яалаа. Тэргээ алсад наран мандах зүгт орших эх нутаг, элгэн садан, мал сүрэгт нь ямар ч хонжоо үл тусна. Нүглийн хар дайн одоохон дуусаж энх амар жаргахыг хүлээх авч төгсгөл нь үл харагдана. Энэ дайн дуусаагүй цагт нутаг буцна гэж ярихгүй. Ядахдаа Иран нутагт хүлээн суугаа амраг ханиа дэргэдээ авчирч бас болохгүй. Тулалдаан түр намдахад эзэн хаад цэргийн жанжнууд юу хийж алгуурлана вэ хэмээн хий л бухимдаж суулаа, Эцэстээ сэтгэлээ ойлгохоо ч байж эх нутагтаа яарна уу, элгэн садандаа яарна уу, хэнд хайртай, юунд тэмүүлж байгаагаа ч мэдэхийг болив. Гагцхуү байлдаж тулалдаж явахад сэтгэлийн үймрэл түр мартагнаж дөжрөх бөлгөө. Ийн учир Нэмүүлэнд яарахаас тулалдаанд яардаг нь давдаг болов уу гэхэд дэгсдэхгүйд хүрсэн биз ээ.

Уулын цэнхэртэх хормойгоос тэмээн жин, үхэр тэрэг цувж цэргийн ангиудын ачаа хөсөг гүйцэн ирж хүрээлэн буув. Чингэж цэргийн жанжин, ихэс ноёдын өргөө орд босгож багахан шиг хот бий болов. Энд тэнд эрээн мяраан дарцаг хийсэж, хүн мал бужигналдана. Тоос шороо босож, хоол цай чанах галын утаа цэнхэртэн хөшиглөнө. Ойр хавийн шавар орцонд амьдрах айлуудын буржгар хар үстэй хүүхдүүд бүлэг бүлгээр хуйлран гүйлдэж гэр барих, ачаа бараа буулгахыг сониучирхана. Заяач эмээлж онгон залсан тэрэгний дэргэд шавааралдах тэр хүүхдүүд хүний хөлд тээглэн харуулын цэргийн бахим дуунаас цочин үргэсэн болжмор шиг дэрхийн тарж харайлдавч тэр хавьдаа эргэлдсээр байна.

Сабраг хүүхдийн шуугиан чагнаж хэсэг суув. Цэргүүдээр хуяг бамбайгаа янзлуулж тордуулах тул хийх юмаа олж ядан Соорон, Бордой зэрэг хэд хэдэн нөхдөө дагуулан ойр хавиар хэсэж зугаацахаар мордов. Урьд нь Эль Кади хот хүртэл явж зах зээл ордог байлаа. Өнөөдөр тийшээ явах хүсэл байсангүй. Тэр өдөр голын эргээр явав. Эль Кади хотын бараа харагдахад буцахаар завдаж эргэтэл голын шугуй дотор бүсгүй хүний бархирах чимээ гарав. Хулгай дээрэм гарав уу хэмээн болгоомжилж тэр чигт довтлон очвол хэдэн цэрэг монхор хамартай сири хүнийг хоргоож баян тансаг дээл хувцсыг нь шохоорхон, богцыг нь уудалж үнэт чулуун зүүлт сэлтийг нь атга атгаар гаргаж харагдлаа.

- Хүүе та нар юу хийж байгаа хүмүүс вэ! Гэгээн цагаан өдрөөр хүний өвөр түрий уруу гар дүрэх илэрхий дээрэм бус уу. Агуу их ёсыг хэн ингэж ичгүүргүй зөрчинө вэ! гэж Сабраг зэвүүцэн зандрав. Булиа бүдүүн дарангуйлагч цочин эргэснээ Сабрагийг үзэж шунахай нүдний нь харц тогтож, ер тоосон шинжгүй,

- Вуа! Эцгийеэ түрүү! гэж хараагаад — Нэгж нэгж. Би нэгж гэсэн юм. Муусайн ислаймуудын өвөрт гар бүү дүр гэсэн ёс хаана байна хэмээн хэгжүүрхэн ярвайв. Богц уудалсан цэрэг урамшин сэргэх мэт эвгүй ярвайн инээсээр алт мөнгөн эдлэлийг хойно хойноос нь цувуулан гаргасаар байна. Харин баригдсан сири ноён бургасан дундах нурсан балгасын ханын ёроолд хантайрсан морьдын зүг уухилан тэмүүлж алт мөнгөө ч хайхрахгүй байгааг анзаарав. Морьдын цаана хэдэн цэрэг бөөгнөрч тэдний дунд бүсгүй хүн үе үе цурхирна. Сабраг тэр зүг нөхдөө дагуулан дөхөж очив. Хоёр цэрэг дээлийнхээ хормойд орооцолдон ноцолдож нэг эмийг нүцгэлэх санаатай оролдож байв.

Тэр хоёр өөрсдөө эзэмдэх нь биш харин дарангуйлагчдаа бэлдэж байгаа нь илт. Бусад цэргүүд наагуур цаагуур хөлхөж, уранхай цамцны нь салбархайгаар сэртэлзэх хөх дэлэнг олж харах санаатай өнгөлзөцгөөж байна.

Сабраг юу ч дуугаралгүй морио гуядан тэдгээр цэргүүдийн дунд дайран орж сайхи хоёр цэргийг түлхэн унагаад, алмайрч хоцорсон урт үст палестин хүүхнийг шүүрэн сарвагануулж эмээл дээрээ бөгтрүүлээд бургас мод сүлжин зугтав. Түүний хойноос хараал тавих хашгирах чимээ гарч байгаад намжжээ. Сабраг энэ нутагт элбэг үзэгдэх нурсан балгас, хад чулуу, чангаанзны төгөл дундуур зүгээ буруулан давхисаар зуутын хүрээнд ирж сая санаа амрав.

Цэргуүд угтан гарч морийг нь авав. Нөгөө хүүхнийг тэврэн асарт оруулж гудас дэвсэн хэвтүүлэв. Хүүхэн замдаа сэгсчүүлж ухаан алдсан байв. Аманд нь ус цутгав. Төдхөн палестин хүүхэн сэхээ орж, энгэр заамаа базлан хумхиж, эмзэглэн ёолж, шүд хавиран, уруулаа чичигнүүлнэ.

- Үзэсгэлэнт эм чи бүү уйл. Би хэрцгий муу улсаас чамайг салгасан, Одоо тэд дахин хөөцөлдөн ирж ноолохыг зүрхлэхгүй биз гэв. Хөөрхий эмэгтэй Сабрагт төдийлөн итгэхгүй байсан боловч бага зэрэг тайвширч амандаа мөргөл уншиж,

- Аллах тэнгэр эзний минь амийг аварч өршөө! Хамгаас хүчит Аллах! Бид юунд ийм зовлон үзнэм бэ! гэж гунихран үглэв. Сабраг бургасанд үлдэж хоцорсон нөхдөдөө цэрэг илгээхээр завдаж байтал ашгүй Бордой Соорон хоёр орж ирэв.

- Сабраг чи ганц болгож тавилаа даа, хө! Тулгаа ноёны мянгатын ганц баатар Хүрмэн харын «амтат зуушийг» аман дотроос нь аваад явчихдаг. Үгүй мөн уурлаж аашилсныг яанаа. Хүн аймаар. Биднийг золтой л цааш харуулчихсангүй. Тир хотод илгээгдэж яваа даа баригдаж нааш зүглэсэнгүй. Харааж харааж, дэвхцэж дэвхцэж Сооронг нэг сайн нударгалж өгөөд, заяа муут палестин ноёныг цавчиж орхиод арилаад өгөв. Эр хүний замын хүзүү урт, хэзээ нэг цагт дайралдах бий вий хэмээн занаж л байна билээ гэхэд Сабраг Сооронгийн мантайж хавдсан хамрыг үзэж сэлэмнийхээ бариулаас шүүрэн,

- Тиймэрхүү баатруудыг насандаа л нэг үзлээ. Миний дайчныг аймшиггүйгээр нударгалсан гэнэ үү? Чамтай нэг дайралдаж эрэгчин эмэгчнээ үзэх цаг ирнээ, гайгүй! хэмээн бачимдуу өгүүлэв. Түүний тийнхүү бачимдахыг үзэж чимээ аниргүй болсон палестин бүсгүйд Сабраг ойртон тонгойж,

- Чиний ноёны алдар хэн бэ? Тугаар чамайг хоргоосон хэрцгий цэргүүд түүний сүнсийг тэнгэрт илгээжээ хэмээн арабаар хэлэв. Эл үгийг сая ойлгосон хөөрхий эм эхэр татан унажээ. Бүсгүйн нэрийг Сатеф гэнэ, Түүний эзэн Зуфид Ад Дин хэмээх Эюүбийн зээ болох баян эр Дамаскаас дүрвэн зугтаж өөрийн олон авгайн дундаас гагцхүү Сатефийг сонгон авч урд зүгт Зэйфид Күтүстэй нийлэхээр явж яваад чингэж гачлантай баригдсан юм байжээ.

Сабраг шөнө дүл Сатефтай ярилцан суугаад нойр хүрмэгц хээрийн ор засаж үзэсгэлэнт бүсгүйг өөртөө татан хувцсыг нь тайчвал өчүүхэн ч дургүйцсэнгүй, Түүний бие ид шидийг олсон мэт ухаан санаанаас ангижран одож, нэг мэдэхэд тас тэврэлдэн унтаж өглөө сэрэв.

Сабраг Сатефийн зөөлөн амьсгалыг сонсож, дэрвийсэн сормуусыг нь ажиглан хэвттэл бүсгүй ч сэрж төгрөг алаг нүдээ нээмэгц Сабрагийг аяархан үнсэв. Өглөөгүүр Сатефийг хэдэн цэрэгтэй илгээж үхдэл болсон ноёныг оршуулжээ. Сабраг, Сатефийг тэр чигээрээ явчдаг болов уу хэмээн бодсон нь тэгсэнгүй. Хуаранд эргэж ирэв. Явах газаргүй ядуу эмийг догшин ширүүн улсын дунд хааш нь ч явуулах вэ дээ хэмээн асартаа байлгаж, орой үдшийн цагаар нэгнээ налан сууж гүнгэр гангар ярилцан, зав зай гарвал уул хадаар зугаалж байтал аажимдаа Сатефийн гунихарсан сэтгэл хувьсаж Сабрагт ижилгүй дасжээ. Сабраг ч гэсэн Сатефээс салж чадахгүй болсондоо бантаж нэг үе Нэмүүлэнг яах вэ хэмээн эргэцэж, хоёр эхнэртэй ч болдог юм уу гэж шийдэж цөхөв. Ноёд жанжинтай адил хэд хэдэн хатантай байх жам ёс жирийн харц ардад үгүй боловч шивэгчин нэрээр гэртээ агуулж аргалж болох тул Дамаскаас буцахдаа авч явъя хэмээн хатуу шийдэж зориг шулуудав.

Энүүхэн ногоон дэнж дээр үүрд амраглан жаргах гэсэн шиг мань Сабраг орчлонгийн хамаг хэргийг умартан алмайрч суув. Нэгэн орой цэргүүд амарч, Сабраг Сатеф хоёр бие биесийг энхрийлэн таалж хэвттэл хүрээнээс элч ирж маргаашийн улаан нарнаар хөдөлж Айн Жунд хэмээх газар тулалдахаар бэлтгэж буй Буга ноёны тугийн дор бэлэн байхыг тушаажээ.

Бейрутээс холгүй орших жижиг шандын эхэнд Бей Барс султан их цэрэг хуралдуулж харийн түрэмгийллийг няцаахаар бэлтгэж байв. Буга ноён энэ тухай тандаж мэдээд палестинаар тарж одсон Хулагуу хааны тэргүүн ангиудыг цуглуулж Бей Барс султантай эрэгчин эмэгчинээ үзэхээр яарсан байжээ. Монгол дайчид ийм тулалдаанд дургүй билээ. Тэдний тулалдаж сурснаар эсрэг талаа гэнэгүй байхад цохилт өгч, сэхээ авахуулахгүй уухайлан уулгалж, дайсныг сандралд оруулан сэтгэл санаагаар дарамтлан доройтуулж удирдлага жолоогоо алдсан, тарж сарнисан үед нь хэсэг бусгаар нь тасчин салгаж хоморголон хөөж өвдөг сөхрүүлэн дагуулж авдаг байлаа. Энэ удаагийн тулалдаан мордохын хазгай гэгчээр анхнаасаа гэнэтийн цохилт болж чадахгүй нь мэдээж ажээ.

Бей Барс хаврын тэргүүн сард Хулагуу хаанд бут цохиулж, цэргийнхээ хагасыг хиаруулсан билээ. Хулагуу хаан түүнийг Александр хот хүртэл нэхэн хөөж Сахарын цөлд оруулаад алдсан юм. Энэ их цөлдөө хатаж үхтүгэй хэмээн тэдний хувь заяаг тэндхийн савдагт нь даатгаад орхисон байв. Гэвч Бей Барс үүнээс хойш сургамж авч санамсаргүй тулалдаанаас зайлсхийж, бүх араб нутаг, Мисир, Нүүбийн цөлөөс цэрэг татан бөөгнүүлж, Сири, Палестины султануудтай тулалдаж түүнийг анзаарах сөхөөгүй байгааг ашиглан оргож сарнин бут цохиулсан султануудын цэргийг цуглуулж, өөртөө нэгтгэн хүчээ зузаатгасаар байлаа. Буга ноён түүний бөөрөн доор Бей Барс асар их цэрэг хуралдуулж амжсаныг хожим анхаарч энэхүү ариун газар гэгдэх галт уулын лав, хүрмэн чулуун дунд тарж одсон түмтүүдийг яаран бачимдан дуудсан нь тэр буюу.

Буга ноёны зарлигаар түүнд хүч хавсрахаар цуглаж буй Армен цэрэг, Франк, Германы загалмайтнууд бардам сайрхуу, сахилга бат муутайгаас гадна хоорондоо эв түнжингүй явдал энэ тулалдааныг амжалт олохгүй гэдгийг анхнаасаа зөгнөсөн юм.

Зүй нь Буга ноён Бей Барстай тулалдахаас зайлсхийж Жунд худгийг орхин одож дайсныг даллан хойноосоо нэхүүлээд энд тэнд бултан даялж, сэрэмж суларч зутарсан үед нь гэнэт их хүчээр цохиж сандралд учруулж давамгай хүчийг идэн барах суу зальт цэргийн эрдэм гэгч ийм бөлгөө. Гэвч Буга ноён нас дээр гарч суу заль нь харьсных уу, эсвэл энэ тулалдаанд дийлж гарахаа анхнаасаа итгээгүйнх үү, нөгөө гэвэл монгол цэргийн үргэлжийн ялалтанд толгой эргэснийх уу, юу атугай ч Бей Барстай бөөр нийлүүлэн буугаад хүрээгээ татаж тухтай нь аргагүй шийдвэрлэх тулалдаанд зэхжээ.

Сабраг цэргүүдээ авч Улагаа ноёны заасан газар очихоор хөдлөв. Сатефийг замдаа нэгэн чинээлэг жийд айлд таван мөнгөн сүхэсээр өрөө хөлслөн суулгаж эргэн учрахын ерөөлтэй орхив. Сатеф чулуун хорооны ёроол даган Сабрагийн дөрөөнөөс зууран,

- Амийг минь аврагч эрхэм эзэн минь эргэж намайг авна гэдгээ бурхны нэр барин тангараглаач. Хайрт минь Жебраил бурхны нэрийг барин гуйя. Салахын цагт ганц үг хэлээч хэмээн цурхиран дагав. Сабраг жолоогоо татаж эмээлээсээ үсрэн бууж үзэсгэлэнт палестин авхайг чанга тэврэн нойтон нүд, ам, хамар , дээр нь түргэн түргэн үнэсэж,

- Заяа муут хонгор минь Чи намайг эзнээ хэмээн бодох аваас хэрхэн ядуу би үнэт эрдэнээ хаях авай. Би заавал эргэж ирнэ. Чи минь мэнд сууж байгаарай гээд мориндоо мордож цэргүүдийнхээ хойноос цогиулав. Түүнийг эргэж харахад Сатеф бүсгүй хар нөмрөгөөрөө уруулаа таглан бүйлсийн самар шиг зууван алаг нүднээсээ нулимс дуслуулан хоцров. Тэрхэн үед анх хааны албанд мордоход Нэмүүлэнгийн үдэж байсан санаанд нь оров.

Мерж Аюн хөндийг гаталж, Загэрани голын чавганы шугуйд амсхийж, урагш тэмүүлэн явсаар үдэш болохоос өмнө амжиж Либнан нурууны цаана гарав. Ачигхори ноёны түмтийн байрлаж буй, энгэрээрээ армаг тармаг хайлаастай нэгэн их хадат ууланд ойртон ирэв.

Жингийн замаар цагаан тоос татуулан толгойн сэргийлэх өөдөөс нь давхиж ирэв. Тэр Карфагены нурсан балгасанд германы хэдэн хуягт гэлэн хоргодож буйг, илттэв.. Сабраг цэргүүдээ дагуулан цагаан гантиг балгасын нурж унасан ханын цоорхойгоор орж очив. Царай алдсан хэдэн гэлэн хоорондоо маргалдаж суув. Эл гэлэнгүүд тэднийг үзээд толгойгоо өндийлгөн гайхан ширтэж, ам амандаа дургүйцэн бувтнаж сэтгэл ханамжгүй байгаагаа илтгэнэ. Зарим нь урам хугарсан байдалтай толгойгоо тэврэн тэднийг огт анхаарсан шинжгүй суусаар байв.

Сабраг морио цоройлгон хашааны голд тоос бужигнуулан эргэлдэж,

- Та нар юу хийж суугаа улс вэ? Ахлагч тань хаана байна? хэмээн дуудахад нурсан балгасны дэргэдээс гандаж өнгө алдсан шар үстэй туранхай өндөр хүн босож ойртон ирэв. Дуулганы халхавчны харах нүхээр зоримог хөх нүд үзэгдэж харц нь Сабраг дээр халтирахгүй тусна. Тэрбээр илгэн бойтогтой хөлөө саарал чулуун шалан дээгүүр сэмхэн тавьж, өндөр тавцангаас буух эсэхээ болгоох мэт дал мөрөө хавчих ажээ. Шар уст чулуун тавцангаас хуягаа харжигнуулан бууж араб хэлээр,

- Их муу. Монгол ялагдсан гэж хазгай мурий түгдрэн хэлж толгой сэгсрэв. Түүний тайзан дууг сонсоод Сабрагийн уур хилэн дурсхийн шатаж,

- Тэр ялагдсан монгол чинь хаана байна? Муусайн өлөгчнүүд сүүлээ хавчин зугтаах нь уу? Дайсны барааг хараагүй байж сургаар нь дайжих нь уу? Харваас та нар тулалдаанд ороогүй байна. Сэлэм чинь хуйндаа зэвэрч хэвтэнэ. Юун учир та нар ялагдлаа хүлээж сууцгаана вэ. Мориндоо! гэж хашгирав. Шар үст гэлэнгийн царай нь цонхийн цайж, Сабраг өөд жигших мэт зэвүүцэн хараад, юу ч хэлэлгүй хажуу тийш нулимж балгасын булан өөд эргэн алхав Сабраг морио давиран түүнийг амдан очиж,

- Би чамд цэргээ мордуул гэж тушааж байна хэмээгээд замыг нь хааж шахав. Тэр гэлэн зогтусан ухарснаа,

- Та нарыг гэгээн Мария ниргээсэй! Эрлэг тамын чөтгөрүүд! хэмээн хараагаад Сабрагийн унасан Бужандай зээрдийн толгой уруу нулимаад хажуугаар нь зөрж алхав.

Мориныхоо молор эрдэнэ толгойноос амгай дамжин урсаж байгаа өнгөт нүдтэний бузар шүлсийг үзээд дотор нь зангирч хорсол буцалж, уушги зүрх нь сагсайж Дамаскийн дархны урласан болд сэлмээ суга татан, эргэж харах ч үгүй алхаж яваа өндөр гэлэнг дээрээс , эгц доош цавчив. Хоёр хуваагдаж салсан дуулга чулуун дээр хангинан унаж, хоёр таллагдсан толгой Карфагены балгасын баруун, зүүн ханыг нэгэн зэрэг харах гэсэн мэт газар дэрлэн түрүүлгээ харан унав.

Сабраг цустай сэлмээ гозолзуулж,

- Мордоод! Муусайн цөөврүүд. Би та нарыг цөмийг хүйс тэмтэрсүгэй. Урваж шарвана гэнэ ээ! Мордоод, мордоод! хэмээн шавдуулан зандрав. Хиртхийн цочсон хуягт гэлэнгүүд сая амь орох мэт хуйлран мориндоо мордоцгоов. Тэднийг мордоцгоохыг үзээд Сабраг,

- Миний хойноос! гэж тушаав, Зуутаа дагуулан нурсан шилтгээнээс гарч хатируулав. Зуут цэргийн хойноос унжирч цувралдан хуягт гэлэнгүүд уруу царайлан дагацгаах ажээ.

Тэд халуун наранд халсан тоостой зам даган Айн Жундад дөхөн ирэв. Өөдөөс нь айж сандарч эмх замбараагаа алдсан цэргүүд бяцхан толгойн хоёр талаар гарч ирлээ. Тэдний зарим нь хааш нь ч юм бэ таамгаар эргэн харваж харагдана. Энэ бол түр зуур амс хийж хүчээ эмтгээд эргэж хатгалдахаар дайсныг төөрөгдүүлэн мэхлэхээр яваа цэргүүд биш, хэмх хамх цохигдоод удирдлага жолоогоо алдаж морины хүрэх газар зулбаж амиа хоохойлохоос өөр юу ч үл бодох хоморгонд өртсөн зээр шиг амьтад болох нь нүднээ илхэн тусна.

Цэргүүд зогтусан хэрхэн учраа олохгүй тэр агсам галзуу улсыг ойртож ирэхийг гайхан ажиглаж талд ургасан модны сүүдэрт хүлээзнэв. Дөтөлж ирсэн эхний цэргийг дуудаж юу болсныг асуу юу гэтэл айж дүрлэгнэсэн нүдээр Сабраг болон зуут цэргийг нэвт харах мэт ширвээд зогссон ч үгүй муухай орилсон чигээрээ давхин одлоо. Хуяг дуулга нь гээгдэж бамбай сэлмээ алдсан гар хоосон цэргүүд аман хүзүү булаалдах хүүхэд багачууд адил морьдоо ухаан жолоогүй гуядаж уралдан давхина. Тэдний дунд шадар нөхдөөсөө төөрч орхисон мянганы ноёд, харваач баатрууд жирийн муу цэрэг шиг толгойгоо мөрөндөө хавчуулж мориныхоо дэлэнд наалдан давхих нь гайхалтай.

Мянганы ноёны сүр сүлд хааш оров. Тэргүүнээ нэгэнт дохиход тулалдааны талбарыг эсрэгээр нь өөрчилж чаддаг тэр их нөлөө хүч хаачив. Ливаны элсэн довцогт урсан шингэв үү? Эсвэл хүн малын асгаруулсан их цусанд живэв үү?

Сабраг дагжисхийи эргэн тойрныг ажиглан тандаад, ямарч болов ухрах журам хадгалан тарж бутарсан цэргийн дунд хамагдан гэдрэг хатирууллаа. Төдөлгүй ногоон эмжээрт довцог толгодын хоорондуур цагаан тоос татуулан Бей Барсын араб цэргүүд бахь мэт хавчин хоёр бөөрнөөс нь гэнэт орж ирэв.

Тэдгээр хүрлэгэр хар цэргүүд хөндийгөөр нэг тарсан армян, монгол, гүрж, франк цэргийн дундуур түрэн давшиж хамаа намаагүй цавчиж, өрөвдөх өршөөх сэтгэлгүй сүйдлэв. Цусаа урсган газраар мөлхөх шархтныг морьдоор гишгүүлж, урт жадаар сүлбэх ажээ.

— Аль мулик Бисми Аллах хэмээн хашхиралдан уухайлах ялсан жанжны цэргүүд урьд үзэгдээгүй ихээр догшин ширүүн авирлаж, тэвдэж самгардсан монгол хөвгүүдийг хонь мэт хурааж захаас нь авахуулан хөсөр цавчин унагана.

Сабраг цэргүүдээ дагуулан бужигнах олноос салж, бут сөөг ургасан гуу жалгаар сүлжин давхиж дайсны бөөн хүчтэй халз тулахаас зайлсхийн бүслэлтээс гарахаар тэмүүлэв. Түүнийг жалга даган алга болохыг, анзаарсан Бей Барсын баг цэрэг морины жолоог залж хойноос нь мөшгин хөөв.

Сабраг өөрөө ялагдсан цэргийг олон удаа мөшгин хөөж явж билээ. Гиляны ойд ч тэр, Арратын ууланд ч тэр иран, күрд, түрэг альч иргэн ялгаагүй сүлд нь буугаад туулай мэт хөөгдөж явахдаа арчаагаа алдаж сүйрлийнхээ замд өөрсдөө давхин ордог билээ. Тэднийг хэчнээн бултаж зайлавч хөөж гүйцээд устгахад хялбархан. Айж тэвдсэн амьтны эндэхийг алийг тэр гэх вэ. Сэтгэл нь үхмэл оргиж, мөхлийн цондон шүглээд харцаа ч далайсан сэлэмнээс далдируулж ул чадна. Хагас мянган цэргийг ганц зуун цэрэгтэй хөөж толгой дараалан буулгасан түүх ч бий. Сэтгэлээр ялагдсан хүн нялх нярай хүүхдээс доройг амьдралынхаа хагасыг дайн тулалдаанд өнгөрөөсөн Сабраг хөвгүүн эрхгүй таньсан юм. Иймд хандсан зүгтээ зугтаж болохгүй. Мөшгөн хөөх цэргүүдийг гол хүчнээс нь холдуулж аваад эргэж цохих зөв гэдгийг тасралтгүй бодож явлаа.

Монгол цэрэг дуулгавартай. Даасан ноён сэтгэлийн хүчтэй бол түүний зөв зохион байгуулсан үйл ажиллагаа, тодорхой тушаал гуйвшгүй чанд биелэгддэг. Тэднийг тэгж ч өсгөсөн, тэгж ч журамласан, өөр хууль байхгүй гэдэгт хар нялхаасаа итгэсэн. Даргын тушаалыг үг дуугүй биелүүлэх сахилга батгүй бол хичнээн ч баатар зүрхтэй чадалтай цэрэг, нөхөдтэй байгаад нэмэргүй.

Энэ тулалдаанд Бей Барс ялах үндсэн шалтгаан нь холимог цэргийн сахилга бат сул, армян, монгол ноёдын тушаал нийцгүй, дунд нь гуйвж дайвах тампелийн хуягт гэлэнгүүд дайчдын сэтгэлийг үймүүлсэн зэргээс хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадаагүйд оршино.

Сабраг морио давиран байн байн эргэн харж дайчдынхаа царайг ажиглаж, нэхэж яваа этгээдийн түрүү ойртсон эсэхийг нүдэн баримжаагаар хэмжиж явав. Сабраг Бордойн хул хээртэй зуузай холбон үсэргэж,

— Чи цээжний таван аравтыг аваад тэр харагдах цагаан хадыг тойруут эргэж хатгалд. Би буруу гараар нь сууж үлдээд бөөрнөөс нь цөм цохъё гэж урагш дохиод цэргүүдээ таслан хоёр хуваагаад салж давхилаа.

Арабууд алиныг нь нэхэхээ шийдэж ядан тээнэгэлзэх завсар Бордой хадан эргийн араас гэнэт нум сумаар харван угтаж дайсны цэргийг сүйд хутгав. Энэ чөлөөг ашиглан Сабраг хажуу бөөрнөөс нь уулгалан довтлов. Ингэнэ гэж ерөөсөө санаагуй байсан Бей Барсын цэргүүд ундуй сундуй эргэж зугтав. Сабраг тэдний хойноос ёс болгож хэсэг нэхсэнээ мөд эргэж ирэхгүйг итгэмэгц цэргээ аван Жебел Либнан уулыг давж аль Литани голын хөндий хүрэхээр бүрэнхийг далимдуулан мөрөө буруулан одов.

Маргааш үүрээр Кади тосгон хүрч айж тэвдсэн жийд айлаас Сатеф бүсгүйг авч Хасбани голын эрэгт хүрээлэн буусан монголчуудыг зорив. Гэтэл тэд аль эрт дүрвэн алга болсон байлаа. Хүрээ буудалласан газар тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан ганц нэг хамуутай тэмээ торойхоос өөр амьд амьтан үлдээгүй ажээ. Тэндээс элсэн говийг гатлан Дамаск хот орохоор яаран довтолгов. Замдаа Бей Барсын отооны цэргүүдтэй тулж толгойн ангитай хатгалдан зам буруулан явсаар Варат Эс Захи хэмээх хүрмэн хананд тулж очлоо. Олон жижиг нарийн хавцлын алинаар орохоо мэдэхгүй нааш цааш эргэлдэн бяцхан амсхийв.

Тэднийг дагаж амь гарсан армян хөгшин Сабрагийн дэргэд ирж,

- Би залуудаа үүгээр явж байсан юм. Энд гарах газар ганц л бий. Түүнийг мөхөс би мэднэ. Намайг дагаад явцгаа гээд онгойж харлах хавцлын ам өөд хясаа даган давхихаар завдав. Гэтэл Сабрагаар хөшсөн хөлнийхөө булчинг илүүлж зогссон Сатеф бүсгүй гэнэт бачимдан алаг нүд нь хорслоор дүүрэн гялалзаж,

- Сабраг! Тийшээ битгий яв! Энэ хүн худал ярилаа. Үүгээр гарах ёстой гээд хүрмэн хар чулуу хөн дөлдөн хэвтэх хавцлын ам заав. Цэргүүд гайхасхийн Сабрагийи царайг ажиглан тээнэгэлзэн зогсов. Эл залуусыг гэзэг даран нэхэх цагаан нөмрөгт арабууд тун удахгүй гүйцэн ирэх дөхсөн тул үтэр түргэн шийд гаргах хэрэгтэй байлаа. Нөгөө армян өвгөн Сабрагийн хөдлөхгүйг үзээд гайхан эргэж зогсов. Шийдэж ядан дороо эргэлдэх цэргүүдэд хандаж,

- Наашаа, наашаа! Миний хойноос дагаад яваач хэмээн бухимдан хашгирав. Сабраг түүнийг хөмсөг зангидан ажиглаж,

- Чи худал хэлнэ үү. Сатеф энэ нутгийн хүн. Сатеф хаагуур явахыг илүү мэднэ. Чи юун учир андуу зам заана вэ? хэмээн асуув. Армян өвгөн гайхсандаа амаа ангайж дуулгаа хойшлуулснаа,

- Ноён дарга та юу ярина вэ? Би андуурах ёсгүй. Баруугаар явдгийг сайн санаж байна гэж итгэлтэй хэлэхэд Сабраг Сатефаас дахин лавлан асуув. ^

- Энэ хавцал гарц мөнийг Аллахын нэрийн өмнөөс амлая. Армян хүн худал хуурамч зантайг хэн ч андахгүй билээ. Энэ өвгөн чамайг залилж занганд оруулах санаа агуулж байгаа буюу гэж өөрийнхөөрөө зүтгэв. Зам заахаар хүссэн хөгшин дайчин өөрийг нь Сатеф худал хуурмагт яллахыг сонсоод минчийтлээ улайж,

- Ай бузар эм. Наад зальхай үгээрээ ариун шашинт шударга эрийг хорлох гэж санаархав уу? Та нар миний хойноос явахгүй бол өвгөн би хар толгойгоо бөөцийлсүгэй. Эм шуламд амиа даатгах хийморь нь доройтсон эр, цэргийн ноён байх ёсгүй гэж тачъяадан бархираад морио давиран ухасхийв. Сабраг толгой зангахад түүний үнэнч бамбайч нумаа өргөж түүнийг харван унагав.

Энэ мөчид «Арабууд! Гаяс Ад Дин Гази харагдав» гэх дуу сонстон бужигнахад Сабраг цэргүүдээ удирдан Сатеф бүсгүйн заасан хавцлаар орж ум хумгүй давхицгаалаа. Хавцалд морь явах байтугай хүн явахад бэрх хад чулуу бартаатай байвч Сабраг огт эргэлзсэнгүй урагш тэмүүлэн давхисаар байв. Өгсөх тутам хавцал улам хавчиг болж, галт уулын лав хүрмэн чулуу толгой дээрээс унах нь уу гэлтэй барсайна. Тэд хойно урдаа орон цувралдсаар эцэстээ бяцхан горхи шоржигнон урсах хавцлын мухарт байх хүн гарахын аргагүй нурмагт тулж иржээ.

- Сатеф чи агсагадаж явна уу? Миний хонгор одоо хаагуур явах вэ? гэж Сабраг сэтгэл зовнин лавлаж хавцлын мухарт тулсныг гүйцэд эс итгэн чулууны хоорондуур одсон жим харгуй эрж хайх бодолтой өндөлзөв. Гэтэл түүний хайрлан ширтдэг дүрлэгэр хар нүд өөдөөс нь шоолох мэт инээмсэглэж,

- Одоо хаашаа ч явахгүй. Захир меликийн ирэхийг хүлээх болж дээ. Гэнэн хонгор минь! гэж сэтгэл бүрэн ханасан шинжтэй адтайхан өгүүлэв. Цэргүүд чингэж Сатефт хууртаж чулуун уутанд хашигдсанаа сая ойлгоцгоов. Эргэлээ гэхэд энэ хавцлаас гарч амжихгүй, Гаяс Ад Дин цэргүүдийн түрүү хэсэг хавцал өгсөн ирж яваа. Ингээд хоёр зуугаад цэрэг Бей Барсад шившигтэйгээр бууж өгөх юм гэж үү?

Сабрагтай цуг зөвхөн түүний зуутаас гадна монгол, армян, хазаар цэрэг, нэжгээд франк, греман хуягт гэлэнгүүд нийлсэн байжээ. Сабраг Сатефийг ингэж мэхэлнэ гэж зүүдэлсэн ч үгүй. Харин ч итгэж хайрлаж явсандаа ихэд хэлмэгдэн цочив.

- Юу гэнэ ээ? Сатеф хонгор минь чи юу гэж хэлэв. Би чамд өөрөөсөө илүү итгэж явна. Тэгэхэд чи миний элгэнд дулаацан мөхлийг минь хүсэн хүлээж явсан юм гэж үү? Аяа атаа таван тэнгэр минь. Юу гээч аймшигтай тулгарав. Эм хүн албин шулмын удамтай гэдэг үнэн байж таарлаа. Одоо Бей Барсын араб цэргүүд довтлон ирж намайг хөнөөхийг чи баясан харах болжээ. Бид хоёр хичнээн дотносон билээ. Чи санаач! гэж харь бүсгүйн нарийхан хуруутай гарыг шүүрэн базалж Сатефийн харцыг олж үзэхээр өнгийв. Харин тэр нүдээ буруулан хялайж,

- Тийм ээ би та нарыг мах яснаасаа үзэн ядаж байна. Та нар бурхнаас заяасан эзнийг минь хөнеөсөн билээ. Та нар орд харшийг газартай тэгшлэн шатааж, ариун шүтээнийг минь доромжилж медресс сүмд хүндээр бие засагч бузар загалмайтнуудыг ивээн тэтгэсэн билээ. Гэхдээ би чамайг үзэн ядах нь бус аа. Чи сайн хүн. Баатар эр! гэж амьсгаа давхцуулж заналтай өгүүлэв . Сабраг цэргүүдээ тойруулан зааж,

- Сатеф чи ухаараач! Эдний амь миний амьтай холбоотой шүү. Тэд хэнийг ч үл ялган хүйс тэмтэрнэ гэж халаглав. Сатеф дөрөөн дээрээ өндийж,

- Устгавал ч устгаг. Ариун шашныхаа өмнө би буруугүй. Би аллах чиний төлөө хийж байна хэмээн нүдээ гялалзуулан тэнгэр өөд гараа сарвайв. Сабраг сэлмээ сугалан тэр хэрсүү эмийг тас татан хаяхыг завдсан боловч богино ч гэсэн жаргал амталсан мөчийг санаж сэтгэл төвдсөнгүй.

- Соорон аравтаа авч хавцлын амыг боож бай! Бусад нь унаа хөсгөө орхиж эрэг өөд мац гэж тушаалаа.

Монгол цэргүүд цалмаа шидэж дээш авирцгаав. Захир меликийн аманд авчирч хийсэн монгол цэргүүд юу юугүй зайлан гарахыг ойлгосон Сатефийн өшөө хорсолт царай бүр ч хувьсан шазуур зууж, өнгөлөг сайхан камис доороос эрдэнийн шигтгээтэй махир хутга сугалан Сабрагийн араас дүрэхээр ухасхийв. Гэвч хүрч амжаагүй байтал хэн нэгнийх нь харвасан сум улаан сугаар нь тусаж морин дээрээ найган дайвалзсанаа дагзаараа годройтон газар унав.

Сабраг үсрэн бууж Сатефийн толгойг өндийлгөхөд амьсгаа хураасан байлаа. Түүний хараацайн даль шиг нарийхан хар хөмсөг цонхийж цайсан хасын царайд улам чтодрон зурайж, үл мэдэг жимийсэн уруул нь басамжлах мэт жуумайжээ. Сабраг хөрч амжаагүй цогцсыг тэврэн өргөж том дөрвөлжин хадан дээр гаргаж тавиад жимийсэн уруул, цэлгэр магнайг нь үнэсээд гарт наалдсан цусыг гайхах мэг ажигласаар цэргүүд дээрээ буцаж ирэв. Ихэнх цэргүүд хад өөд авиран гарчээ. Сүүлийн хэсэг дайчидтай хамт Сабраг ханан хад өөд мацаж арайхийж гарлаа. Захир меликийн цэргүүд Сооронгийн аравттай тудалдаж нарийн хавцлаар орж чадалгүй тээглэж хоцров. Хадан дээр түрүүлж гарсан зуутын дайчид Бордой саадагчийн удирдлагаар сири, араб цэргийг дээрээс харваж ихээхэн тогтоосон боловч Сооронгийн аравтыг аварч чадсангүй. Соорон сүүлчийн хэдэн шархадсан нөхдөө дагуулан нурж унасан хад асганд нуугдаж зогсолтгүй шоволзон давших дайсантай харвалцаж,

- Хөх тэнгэр намайг ав! Сүнсээ чамд даатгая гэх ба - Сабраг баяртай! Анд нөхдүүд минь баяртай? гэж хашгирах дуу хавцал даган цуурайтаж байсаар эцэстээ цөөрч чимээ тасрав.

Захир меликийн цэргүүд хад асгыг нэгжин монгол цэргүүдийн хүүрийг нэг дор цуглуулж, сул орхисон адуу малыг хурааж доош буун одох нь алган дээр тавьсан юм шиг илхэн харагдав.

Дор харагдах дөрвөлжин хадан дээр хэвтэх цагаан юм бол Сатефийн цогцос мөн болой. Тэрнийг меликийн дайчид олж харсангүй. Сабраг эргэн эргэн харсаар галт уулын хүрмэн чулуун дундуур тарж алхах дайчдыгаа гүйцэхээр яарав. Тэд хүрмэн чулуун дотуур хоёр өдөр тувт тэнэж өлсөж цангахын туйлд хүрч Дамаск хотыг хамгаалах харуулын цэргүүдтэй тааралдаж Ачигхори ноёны сүйрч сүйдсэн түмтдээ хүргэгдэж ирэв.


Top
   
PostPosted: Oct.15.15 12:15 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин хоёрдугаар бүлэг

Намрын шар нар ээж, тарга хүчээ авсан мал сүрэг тал хөндийгөөр налайгаад, дэрсэн дунд цайрах эсгий гэрийн тооноор суунаглах аргалын утаа тэнгэрт өлгөчихсөн шилэн хөшиг шиг хөдлөх нь үгүй хөхөрнө. Ийм нэгэн намрын хөдөөгийн байдал нүднээ дулаахан тусна. Айлуудаар сүү цагаа бялхаж, хатавчинд дүүжилсэн хөхүүрт эссэн айраг шуугин хөөсөрнө.

Намрын налгар цагт талын малчин монголчууд ганц хоёр, хэсэг бусгаараа хамтран айл хэсэх, энэ тэрийг ярилцан айраг цагаа эргүүлэх дуртай билээ. Шинэ нэмж бойжсон төл малаа харан харан баярлаж, онд яаж орохыг нь эргэцүүлэн хэлэлцэж, ирэх жилийн наадамд уралдах үрээ даага энэ тэр хэмээн цэц булаацалдаж хөөрөлдөнө. Энд тэнд найр наадам элбэг дэлбэг, Жиглэг эхийнхээ хэдэн адууг усалж хураагаад оройхон мордож айл саахалтынхаараа хэсэхээр явлаа.

Мөнхлүгэн эх түүнийг нутгийн бүсгүйчүүлтэй нийлүүлэх гэж хэд хэд дахин оролдоод дийлсэнгүй. Нутаг усныхан нь Жиглэгийн сайхан эр болсныг шагшин магтаж, байгуулсан гавьяаг нь үлгэр домог мэт ам дамжин хүүрнэж, найр наадамд тааралдвал дээгүүр суулгаж хүндлэхийг оролдох бөлгөө. Үе тэнгийн бүсгүйчүүл үл мэдэг бодлогошрох гунигтай бор нүд, ухаалаг өргөн магнай, эршүүд зоримог шанаатай хааяа нэг хүч гаргах мэт жуумалзан инээмсэглэх гуалиг залууг шохоорхон харж битүүдээ санагалзан хүсэцгээж шөнийн зүүд өдрийн бодол болох ажгуу.

Араар нь цагаан боржин чулуу хөглөрсөн, хиаг ганга хосолсон дөрөлжин дундах айлын гадна нэжгээд морь уяатай харагдана. Гэрийн хойморт сархдад халж сэтгэл нь хөөрсөн Мянгалай өвгөн дөнгөж сая орж ирсэн Жиглэгийг хажуудаа суулгаж,

- Шивэр шар баатар дээш дээш. Алив миний охин энэ Жиглэг хөвгүүнд айраг хуллаж барь хэмээн мөнгөн сүйх унжуулж зүрчидийн хүр торгон тэрлэгтэй цэвэрхэн бүсгүйд хэлэв. Гэрийн хатавчинд тогоо шанагатай зууралдаж суугаа өндөр богтоготой махлаг авгай айраг аягалах бүсгүйн араас учиртай ширтэнэ.

Айрагт согтсон хүмүүсийн дуу чангарч нутаг усны сониныг орхиж, араб, түрэг аргамаг хүлгийн сайн мууг ам булаацалдан хөөрөлдөнө. Нэг мэдэхэд ярианы сэдэв Хувилай хаан Аригбөх хааны тэмцлийн тухай маргаанд шилжлээ. Гэрийн эзэн Жиглэгийн өвдөгт гар тавьж,

Түрэгийн хөх ордны Алгуй хаан Бухар Самаркандыг Бэрх хааны мэдлээс булаан эзлэхэд түрэг аргамагийн хүч хурд их тус болов гэж ярих, тэр үнэн үү? хэмээн нүдээ жоотойлгон асуув.

Жиглэг гунан бухын зооны арьсаар дөрөв давхарлан дүйж хийсэн хөнгөн хуягаа чихруулан суудлаа засангаа,

- Мэдэхгүй. Мосул нутгаар дайран өнгөрөхөд олон сайхан хүлэг үзсэн билээ. Чөргөр нарийхан хөл дээрээ дэндэгнэсэн ёстой баяр наадамд унаваас зохилтой хүлэг. Харин холын газар урт удаан аянд өл хоол даахгүй хэврэг санагдсан. Би ч буурал халзан, сартай хээр хоёрын алиныг ч нэгжгээд тийм адуугаар яавч солихгүй гэв. Ямар ч байсан Мосулд байлдах цэргүүд дурлахгүй юм билээ.

- За тэгж таарна. Түрэг аргамаг дээр эмээл тогтдоггүй юм гэж хэлцдэг тэр үнэн болж таарлаа.

Мянгалай өвгөнд идэр баатрын үг тааламжтай байлаа. Ямар ч болов түүний хэдэн адууг гүйцэх аргамаг хөлөг олдохгүй болсонд бах нь ханажээ. Гэрт яриа хүүрнэл ид өрнөж, айраг сөгнөлт шуударч байна.

Гэтэл гал улаан дээлийн энгэрт айраг асгаж хүрэн алаг цоохортуулсан, шар булигаар халхавчийг хазгай зүүсэн өвгөн баруун хаяанаас өндийж дуниартсан нүдээ эргэлдүүлэн,

- Алгуй хаан хөх тэнгэрийн суу эзэн Аригбөх хаанд дэм болохоор удахгүй ирнэ. Тэр тэрслүү муу, Хувилайг барьж залхаана даа. Би Аригбөх хааны нүүрэн дээр Хувилайн өмдийг шувтлан нанчих хуна. Тэр яахаараа язгуурт ноёдын хурилдайгаар сонгогдсон их хаантай зөрчилдөж хөвгүүдийг эцэгтэй нь хатгалдуулна бэ? гэж агсганана.

Гэрийн хатавчинд суух авгайчуул дуу алдаж,

- Хүүе, Байболд өвгөн! Өндөр сурвалжтай хан хүүг хамаагүй загнаж болохгүй гэм хэмээн анхааруулав. Өвгөн улам агсамнаж,

- Яадаг юм бэ! Чингисийн ёсыг зөрчсөн хэн бугайг ч би өөрийн гараар тонилгоно. Дээд тэнгэрийн зориг бол агуу их ёс! Агуу их ёс! Түүнийг зерчвөл би цөмийг тонилгоно хэмээн хөл дээрээ арай ядан найган зогсоод урт нарийхан сэлмээрээ гэр дотуур ширвэж хажуу хаяаныхаа өвгөдийн нүүр амыг сэглэх дөхөв. Гэрийн дотор үймээн шуугиан дэгдэж, согтож хоцорсон хатангир евгөнийг хүч нийлэн барьж гадаа эсгийд боож барааны доор хаяв.

Үймж тасалдсан найр цааш үргэлжилж байтал Чилгэр ноён хэдэн нөхрөө дагуулан давхиж ирэв. Чилгэр ноёны эгч Энхбүрэн хатан, Гүюг хааны удам Ширэмүүнтэй гэрлэж, Чингисийн алтан ургийн эрдэнийн хэлхээнд ойртсон боловч Мөнх хааныг төрийн ширээнд өргөмжлөгдөхөд эрх дарх нь мэдэгдэхүйц буурч дотроо горьдож явсан хэргэм зэрэг нь талаар өнгөрч, төрийн албанд хэрэгсэгдэхгүй болоход ихэнх цагаа айл хэсэж, ан гөрөө хийж, архи дарсанд мансуурч өнгөрүүлэх болжээ. Тэр торго дурдам дээлээ сэржигнүүлэн, гоё ганган чимэгтэй илд хутгаа зассаар гэрт орж хойморт сууцгаав,

Чилгэр ноён гэрт байх малчин ардуудад хишгийн мэнд дэвшүүлж, гангар шаазан хулаар айраг цэлэлзүүлэн барьж, гэр доторхыг тойруулан ажиглан энэ тэр яриа дэлгэв. Зочид гийчид дуу шуу орж сөнч ажлаа гардаж, наргиа хөөрөө улам өрнөжээ. Сөнчийн хажуугаар буурч хоол түгээнэ. Өнөөдрийн буурч Хонхдой өвгөн чанасан мах хувааж хүн хүнд хишиг түгээв. Гэрийн эзэн өөрт оногдсон сүүжийг идэлгүй Жиглэгт шилжүүлж барилаа.

Чилгэр ноён нөхдөөс нь дээгүүр сууж, махын хур сайныг идэх жавхаалаг сайхан эрийг хяламхийн ажиглаж өөрт оногдсон хувиас хурц хутгаар ганц нэг хяран амандаа үмхэх далимдаа энэ тэрийг асууж тал өгнө.

- Хүүгийн нутаг үүгээр үү? Алдар нэр тань хэнсэн билээ? Сурвалж гарлыг тань мэдэж болохсон болов уу? Харваас нүдэнд дулаахан баатар шинжийн эр бололтой гэж Чилгэр ноён өгүүлэв. Жиглэг азнасхийснээ ам нээж,

- Би ядуу ардын хүү. Өндөр сурвалж, язгуур гарал гэж гайхуулахгүй. Эцэг минь Тэлэнгүд овгийн Ату гэгч Хорезмыг дайлаар мордоод амь үрэгдсэн билээ. Одоо эхтэйгээ хамт хэдэн адуу маллаж амь зууж явна хэмээн ноён хүний урмыг хугалсандаа баахан дурамжхан дуугарав. Жиглэгийн үгийг дуулаад Чилгэр ноёний нүдний харц хувиран хайхрамжгүй болж дахиж олон таван үг солилцсонгүй хажуу дахь нөхөртэйгөө ан ав хэлэлцэж анхаарахаа болив.

Хүнийг ингэж зэрэг зиндаагаар ялгаж гадуурхах нь Жиглэгт доромжлол адил санагдавч ноёдын араншин малчин ардад хүртээлтэй биш хэмээн дотроо гоморхон чимээ аниргүй хүрлийж, найрынхны дуулах дуу, хөөрөлдөх яриа сонсон мах гоочилж суужээ. Гэтэл гадаалж «морь хараад» ирсэн Чилгэр ноёны шадар нөхөр дээш давшлан Жиглэгийн хойноос ёворч,

- Алив доош суу хэмээн Мянгалай өвгөн Жиглэг хоёрын дундуур зүтгэв. Энгийн цагт төв шударга хэлсэн бол гомдож шаралхахааргүйсэн. Гэтэл тэр шарангуй царайт, унжуу хамарт, бардам залуу басамжлан замд хэвтэх гөлгийг тууж босгох адил зандрах шиг санагдсанд Жиглэг огт хөдлөлгүй үл мэдэхчээн болж суухад нөгөө унжуу хамарт хэсэг оролдоод дийлэлгүй Жиглэгийн доогуур сууж, хэн нэгнийн нь орхисон айрагны шавхруу авч шимэв. Чилгэр ноён энэ бүхнийг ажиглаж байжээ.

- Залуу хөвгүүн чи суудлаа олохгүй нь үү. Миний нөхөр Олхнууд овгийн баатар хүн шүү хэмээн зэмлэв. Жиглэг идэж байсан махаа царанд нь орхиж, хойморт ёлхойн суугаа ноёныг ширтэв.

- Нутаг нутгийн сахиус гэж байдаг. Гэрийн эзэн над энэ суудал заасан юм. Баянлиг баатрын нутагт хүний сүг бас байхгүй юм гэж бодоогүй биз хэмээн хорсон өгүүлтэл Чилгэр ноён дүрсхийн хилгэнэж сэлэмнийхээ бариулаас атгав.

- Уухай дэггүй муу турсага чи ноён хүнтэй цэц буцаалдах нь уу? Энэ мөчөрхөгчийг гэрээс гаргаж ташуурд! Монгол нутгийн бүх эрчүүдийг Аригбөх хаан албанд татаад байхад энд нэг муу барлаг хоцорч үлдээд ноёдтой маргаж сууна гэнэ ээ! Ташуурдаж залхаахаар суудлаа олж мэддэг болох вий! хэмээн царай улайлган бархирав.

Гэрт сууцгаасан зочид цочин өндөлзөж,

- Чилгэр ноёнтон! Түүнийг өршөөж хайрла! Энэ бол Мөнх хааны хишиг хүртэгч Шивэр шар баатар хэмээн алдаршсан зоригт дайчин мөн билээ. Хоёр баатар нэг нэгнээ таньсангүй сүйд боллоо. Түүнийг өршөөгтүн хэмээн шуугилдав.

- Ямар гавьяа байгуулж баатар цол олж авсан юм бэ. Одоо ч нутаг нутагт шальгүй баатрууд олширсон цаг даа гэж шилбэлзээд уур омог нь дарагдах шинжгүй байхад Жиглэг ч мөн мөчөөгөө өгөхгүй өндөлзөж,

- Зарим нэг баатруудыг айлаас айл хэсэж, аягатай айргаар наадаж суухад би хаан төрийн хэрэгт үнэнчээр зүтгэж эр зоригоороо олж авсан цол юм шүү. Чи миний цолыг битгий гоочил хэмээн уурандаа багтран хэл ам нь орооцолдон өгүүлэхэд Мянгалай өвгөн түүний зэвүүрхлийг тайвшруулах аясаар,

- Жиглэг хөвгүүн чи аяд. Би Чилгэр ноёнд үг айлтгая гээд цагаан сахлаа тайван илбэж суудалдаа тухлаад — Миний дэргэд суух Шивэр шар баатар Мөнх хааныг хаан ширээнд сууж Хадаг ноён, Ойгул каймыш хатны явуулгаас Монголын төрийг авархад хүчин зүтгэж шивэр ойг давж Сайн хаантай санаа нийлүүлэх их хэрэг бүтээсэн хүн мөн бөлгөө. Язгуурт ноёдын дунд ихэд алдар хүндтэй баатар хөвгүүн таны өмнө дүрээрээ суугаад болгооно уу. Одоо цөмөөр өмнөх өмнөх хулаа дүүргэж сайн үйлс бүтээсэн Шивэр шар баатар, сайн язгуурт Чилгэр ноёны өлзий оршихын төлөө залбиръя гэв.

Цаг төр үймж, Мөнх хааны өмөглөн түшиглэх нөлөө хүч буурсан боловч нэгэнт Тулуй хааны удам хаан ширээний төлөө тэмцэж байгаа тул Чилгэр ноён, түүний нөхөд дотроо болгоомжлон арга буюу Жиглэгийг хүндэтгэн дугараа барив, Чилгэр ноён эгчийн нөхөр Ширэмүүн хан хүү цаазлуулахад омголон байрын энэ залуугийн хүчин зүтгэл оролцсоныг мэдэж, түүний бүх хэрэг явдал бүтэлгүй болох замыг зүүн гарт айраг залгилан суугаа царайлаг залуу тавьж өгөв хэмээв дотроо занаж суулаа.

Чилгэр ноёны зан хувирч цааш энэ найранд суух хүсэл нь харьж нар жаргахын сацуу нөхдөө дагуулан гарч, зүүн хойд зүгийг чиглэн өндөр өвсөн дундаас цухуйх хад чулууг тойрон шар хөндий уруудан цогиулж алга болцгоов. Чилгэр ноёноос бишүүрхсэн нутгийн малчин ард сэтгэл тайвширцгааж, найр наадам хөгжин өрнөхүйд айраг цэгээ ундарч, аравдах, дэмбээдэх дуу уртын цоглог аялгуутай холилдоно. Уул хадаар цуурайтан түгнэ. Эрт жаргах нар яагаа ч үгүй улайн далд орход бүнхгэр харанхуй залган авч дээш сөхсөн үүдээр улалзан харагдах гал, тооноор үсрэх оч хээр талын гүнд хаанаас энэ дуу дуурсаж байгааг бэлээхнээ илтгэнэ. Уяанд үүрэглэх хүлэг морьд, хотондоо хивэх хонь, үхэр, гэрийн гадаа хураасан тэрэг чингэлэг, эд агуурс уулын сэрвэнг оруулаад хайчлаад тавьчихсан зураг аятай саруул тэнгэрийн хаяанд бараантан сүүмийнэ.

Алтан дэлхиин төвд орчих энэхүү жижиг гэрт олон аймгийг айлгаж түйвээлгэсэн монголчууд айван тайван амьдралыг мөрөөдөн, намрын энэ тунгалаг үдшийг хэн хүн ирж битгий сандчаагаасай хэмээн хүсэж, дуулж хуурдаж байсан тэрхүү бяцхан найр хэдийд өндөрлөснийг хэн ч үл мэдмүй.

Эргэх цаг улирч Аригбөх хааны байдал улам доройтлоо. Хувилай хааныг залхаахаар илгээсэн Аландар жанжныг Хадан жанжны дайчид угтан байлдаж тараан хөөгөөд Хархорин хотыг эзэлжээ. Аригбөх хаан Хувилайд дийлдсэндээ бухимдаж өөрийг нь дэмжих хаад ноёдыг талдаа татаж хүүхэд залүусаас эхлээд өтгөс хөгшдийг хүртэл эр сүвтэй бүхнийг цэрэгт татах зарлиг буулгав.

Хувилайн хүү Есүнгээ Хархориныг захирч хойд зүгээс чөлөө зав өгөлгүй өнгөлзөн заналхийлэх авга ахынхаа цэрэглэлээс улсын нийслэлийг хамгаалж ямагт түлалдаанд бэлэн байна. Ийнхүү монгол нутаг дайны хүнд хөлд өртжээ.

Тахиа жилийн намар Аригбөх хаан гэнэт цэрэг аван хөдөлж Есүнгээ хан хөвгүүнийг гэнэдүүлэн цохиж Хархориныг эргүүлж авсан юм. Гэвч төдөлгүй Хувилай цэрэгт дарагдаж урд зүгт олигтой давшиж чадалгүй хүч нь сулран хориглолтын байдалд оров. Хархорин хотод өлсгөлөн болж харах хариулах эзэнгүй болсон мал сүрэг туранхайлан өедөж аргаа барсан малчид хаад ноёдын үймээн самуунд чирэгдэж дүрвэж нүүх нь ихэслээ. Энэ хэцүү цагт Аригбөх хаанд туслахаар амласан Алгуй хааны сэтгэл эргэж Аригбөхийн элч төлөөлөгч дархан ноёдыг барьж Хувилай хаанд хүргүүлсэн нь цаг төрийг улам түгшүүртэй болгож дайн дажинд хорхойтой сагсуу улсуудын сэтгэлийг хөөргөж хүрээ ордны доторх дайсныг эрж хайж цаазлах явдлыг дэврээв.

Мөнх хааны ордны битэгч омголон залуу Лугшаа хэмээгч Аригбөх хааны ордонд тушаал дэвшиж, хаад ноёдыг мөшгөн тандаж хооронд нь хов жив хөөцөлдүүлэн мөргөлдүүлж, хольж хутгах явуулга газар авчээ.

Угаасаа хэргэм зэрэг горилох дон туссан Чилгэр ноёнд тэр байдал аятай таатай нөхцөл бүрдүүлж өрсөлдөгчдөө унагах шалтаг болов Чилгэр ноён тэр даруй дээрх боломжийг хэрэглэхийг яарч шадар нөхдөө дагуулан Лугшаа битэгчийн тушаал биелүүлж байна хэмээн сүр далайлгаж язгуур угсаат ноёд, гавьяа шагналт баатар жанжны орон гэрээр давхиж, төрөл төрөгсөд нь Хувилай хаанд хүчин зүтгэж яваа цэрэг эрсийн мал хөрөнгийг хураан битүүмжилж, замаас нь идэж шамшигдуулах үрэн таран хийх зэргээр эвгүй муухай аашлах нь тоймгүй. Тийм цөвүүн цагт тархай бутархай нүүдэллэн амар жимэр амьдрагч монголчууд урьд цагийн хүрээлэн буух жамыг сэргээж бие биеийг бараадавч Чилгэр зэрэг үймүүлэн хутгагчдын гараас яахин мултаран гарах аж.

Улаан чулууны голд хүйт ид тачигнав. Голын жавар хацар нүүр чимчигнүүлж гарт барьсан уурга хурууны үзүүр хайрна. Жиглэг шаваг бударганы ёроолоор хунгарласан цасыг гутлаар өшиглөн ярж өвсний байдлыг үзээд, саяхан эргүүлсэн адуугаа хүйтэнд ус гүйлгэнэх нүдээр нэгэнтээ ширвэн ажиглаад элгэн хадтай модот уулын энгэрт буусан хүрээ өөдөө буцахаар мордов.

Хазгай газар морины хөлд өртөх чулуу өнхрөхийг ажигласхийн үйлс муутайдаа гутрах мэт толгой гудайлган бодолд автаж уургаа чирэн алхуулж явав. Чингэтэл доод цохионы хажуугаар хонгор морьтой бүсгүй дэрс мөс сэржигнүүлэн угтан давхиж ирэв. Тэр улаан хацарт охин Уулиранхайн дүү Энхзул мөнийг танив. Дэрвэгэр сормуусанд буусан цан хүүргийг гарын араар арчиж,

- Жиглэг ах аа! Бушуухан зугтаа! Таныг хөнөөхөөр айсуй! хэмээн амьсгаадан хэлэв. Жиглэг морины амыг татаж,

- Хэн тэр вэ? гэж гайхан зогтусав. Энхзул дөрөөн дээрээ өндийн эргэн эргэн харж,

- Мэдэхгүй. Үд дунд хэдэн ноёд цэрэг дагуулан ирж хүрээг нэгжиж, Энхлиг сумчны гэрийг буулгаж сүйдлэв. Баянлиг баатрын гэрийг эгээтэй л нураачихсангүй. Аригбөх хааны цэрэг захирч яваа болохоор зүрх нь хүрээгүй бололтой. Тэгээгүйсэн бол Дайжушилэгт ахыг Хувилайн цэрэгт хүчин зүтгэв хэмээн яаж ч мэднэ. Налайган эхийг ташуурдахаас наахнуур омогдож байгаад орхино билээ. Анхил эгч намайг тугалын зэлнээс дуудаж дайсан этгээд таныг хөнөөхөөр гэрт чинь отсоныг дуулга хэмээн захиж нааш илгээв. Та үтэр хулжихгүй бол одоо тэр цэргүүд үүгээр хоморголон ирж магад гэж сандран өгүүлнэ.

Жиглэг нэхий дээлээ халаглан алгадаж бодолхийлснээ Энхзул охины мөрийг илж,

За миний дүү одоо тэгвэл ингэе. Би адуугаа орхиод ууланд гаръя. Харин чи маргааш хөвдний адагт ирж юу болсныг хэл. Чамаас хүн асуувал намайг уруудсан адуу эрэхээр явсан гэж хэлээрэй. За яв даа гээд морио давиран жалга даган хөвчид орохоор цогиулав. Тэр замдаа эргэн харж,

- Энхзул миний дүү! Анхил, ээж хоёрт хэл. Маргааш чадвал идэх хоол, борц хурууд юу ч олдсон яах вэ авч ир. Мөн дайсан сэрэмжгүй бол нум саадаг, сэлмийг минь дөхүүлж өгөхийг хичээгээрэй гэж захив.

Жиглэг ойд орж өөд уруу нэлээд сүлжин мөрөө төөрүүлээд уул давж багадаа өнжин хонон үхрийн нүд түүдэг байсан бөглүү амны өндөр хушны саглагар мөчир дор хөвд цуглуулан тохмоо дэвсэж дээлээ өрөөлдөн нөмөрч борхирон хэвтсээр шөнийг барав. Үүрээр ирж хэн хоол авчрах бол хэмээн хүлээв. Хоосон ходоод хоржигноно. Үзүүрсгэн дээл хүйтнээс айлтгүй дулаан тавтай боловч цаг хугацаа өнгөрч өгөхгүй уйтгартай байна.

Цасан ширхэг наранд гялалзаж улаан ногооноор ээлжлэн солонгорно. Дэргэдэх бутанд уулын бор оготно өвс мэрж хатсан навч шаржигнуулан нааш цааш хөлхөнө. Хааяа нэг хөх бухандай модны мөчир дээр буугаад нисвээс ногоон шилмүүсэнд бамбарласан цас будран унана. Голын эрэг дагасан сугсар, тэрэлжийн бургасанд бор гөрөөс идээшилж харагдана.

Бор гөрөөсүүд гэнэт толгой өргөж чихээ соотойлгон болгоомжлон өлийснөө хэд хэдээр түгшүүрлэн хөвчөөд харайлгав. Жиглэг дархи модны цаанаас өнгийж харвал морьтой хүн хөвдний адаг өөд өгсөж харагдав. Сэмхэн босож хонхорт уяатай морь өөдөө алхах гэснээ больж бургас даган морьтон өөд мяраан гэтэв. Түүнийг ойртож очиход өчигдрийн хонгор морьтой Энхзул мөн нь танигдлаа.

Жиглэг санаа амарч бургас дагасан хунгараас гарч Энхзулыг угтан өөдөөс нь дөхөж явтал уулын шугуйгаас хэсэг морьтон цас умбаруулан давхин гарч тэднийг чиглэв.

Аль өглөө хүрээнээс гарахын сацуу уулын хяр даган хааш одохыг нь тандан дагасан туршуул цэргийг хөөрхий мүу Энхзул охин яахин мэдэх билээ Хойноосоо олиггүй муу улс дагуулж ирснээ тааварлаж,

- Жиглэг ах аа зугтаарай хэмээн хашгираад мориныхоо амыг эргүулэн гэрийн зүг довтолгов. Жкглэг цагаан газар явган хоцров.

- Энхзул морио нааш нь гэж хичнээн хашхиравч бачимдан сандарсан охин юу ч ойлгож дуулсангүй, зэр зэвсгийг нь цасанд чулуудаж орхиод гэрийн зүг морины хурдаар харайлгажээ.

Жиглэг хумсгүй, далавчгүй бүргэд аятай хэд жаахан ханхалзаж морины хөлөөс бусган зайлаад төдөлгүй цалманд ороогдож баригдав. Балмагдаж сандарсан цэргүүд цас бужигнуулан дороо цонхчиж,

- Бариад аваарай! Бариад аваарай! Чанга хүл! хэмээн бачимдан хашгиралдан агдалж хүлж моринд бөгтрүүлэн Баянлиг баатрын хүрээ өөд буцжээ.

Жиглэгийг хар гэрийн мухарт хаяж харуүл манаа тавьж чандлав. Өдөржин чимээгүй өнгөрөв. Орой болоход Чилгэр ноёнд тууж оруулав. Гал өрдсөн халуун гэрт Жиглэгийн бие тавигдаж өдөржин өлөн хоосон явснаа мэдрэхүйд тогоонд буцлах махыг өөрийн эрхгүй хяламхийн өнгийж амтлаг сайханүнэрийг хамрын нүхээр хомхойрон соров. Чилгэр ноён олбог дэвсэн завилан суугаад мөнгөн аягатай халаасан архинаас бага багаар шимэн нүдээ онийлгон тамшаана.

- За Шивэр шар баатар ямархан өлзий ерөөлөөр дахин учрах нь энэ вэ бид. Дээш суу хэмээн уриалгахан дохив. Жиглэг энэ хижээлдүү бүдүүн эрийн махлаг зузаан уруулыг ажиглан, намар гаргасан хорслоо одоо хүртэл араандаа зууж, эв таарсанд дотроо баярлан хөх инээд нь хүрч буйг үл тоомсорлон хойморт гарч зэрэгцэн суулаа. Түүний егөөдлийг ийнхүү улаан цайм ашиглана гэж бодоогүйдээ Чилгэр ноён цочив. Нэгэнт «дээш суу» гэж байж хажүудаа суулган инээдтэй байдалд орсондоо бантаж хоолойгоо засан хий ханиаж, гэр доторхийг тойруулан харснаа сэхээ авч,

- Чи хөө ихээхэн даажинтай турсага юм аа. За гайгүй үхрийн нойтон ширэнд ороогоод гадаа тавьж хөлдүүс. болгоход хөлийн ул долоон гийнах вий гэж занав.

Жиглэг уур савсах махнаас авч хутгагүйдсэн ч, шүдээрээ өм өм зулгааж булууг нь бяц хазаж зажлав. Чилгэр ноён болгоомжлон гэдииж,

- Чи яасан сүрхий чонын бэлтрэг вэ! Хааны албанаас зайлсхийн хувиа борлуулж довоо шарлуулж суугаа юм биз дээ. Бэхтөр та хэд хонин жилийн хавар Сарай орохоор хөдлөхдөө шивэр ойг гаталсан гэв үү? Шихихутаг ноёны харуултай хаахан таарсан гэлээ гэхэд аль балар цагт болж өнгөрсөн явдлыг дахин сөхсөнд гайхасхийж,

- Эрхэм ноёны сонирхлыг миний хүлээсэн өчүүхэн алба тэгтлээ юунд татсан юм бол? Үнэн юмыг даравч дардайх билээ. Эрчис мөрний эрэгт бид Шихихутаг ноёны занганд орсон үнэн. Тэр юу болов?

- Чиний тэр соёрхол надад ямар хамаатай вэ. Харин тэр жил Шихихутаг ноёны албанд хүчин зүтгэж байсан улсын их битэгч Бала ноёны хүү Эрчис мөрний эрэгт хорлогдсон байна. Тэр хэрэг та нар дээр унаж байна гээд жуумалзах байдал үзүүлэв. Үдшийн бүрэнхийн дундаас ноёны царай нь тос даан гялалзаж харагдав. Жиглэг богт чөмөг сорох гэснээ больж,

- Бид Сорхугтани бэг хатны зарлигийг гүйцээж явсан билээ. Би юу хэлэх вэ дээ Хайдар ноёнттой зөвшье дөө. Тэд бидний буруу зөвийг шийдэж өгнө биз. Өчүүхэн муу боол бид ноёдын далайсан газар далд орж, далласан газар нь ил гарч явах тавилантай хойно. Заяач онгон Этүгэн эхээ барьж тангараглая. Бидний замд хөндөлсөн дайралдагч цэрэг дунд сайн язгуурт Бала ноёны хүүг явна гэж хэрхэн таах билээ гэхэд Чилгэр ноён сахлаа имрэн бодолхийлон сууснаа,

- Над мэт жижиг хүн улсын хэргийг яахан шүүх билээ. Би тэр Хайдар ноёнтой чинь нүүр учрах ч зиндаанд хүрээгүй нэгэн. Одоо түүнтэй учирч хэрэг явдлыг лавлая уу гэтэл тэнгэрийн зарилагаар чадал минь дутлаа. Хайдар ноёныг Аригбөх хаан цаазаар авсан. Түүний муу санаа, урт хэл урд зүгт хаан болж дөвчигнөж байгаа хорт Хувилайтай холбогджээ. Иймд Лугшаа битэгчийн тушаалаар маргааш ургахын улаан нарнаар чиний толгойг авах болно гэв.

Жиглэг урьд хар гэрт хоригдоход түлхээс болсон Лугшаа битэгч Хайдар ноёныг унамагц тийм сүрхий овсгоотой яаруу хөдөлж гэм зэмгүй амьдран суух малчин залууг тонилгох хүслэн юунаас төрөв хэмээн гайхахын зэрэгцээ, үнэхээр би хаан төрийн өмнө хүнд ялт хэрэг үйлдсэн юм болов уу хэмээн эргэлзэж,

- Та нар ямар хууль ёсыг барьж намайг шийтгэнэ вэ? гэж эсэргүүцэн ухасхийтэл Чилгэр ноёны дохиогоор хоёр цэрэг түүнийг ховх татан гулдарч уүд уруу чирэв. Чилгэр ноён согтонги гөлрөнгө нүдээр түүний хойноос ширтэн сэтгэл ханасан байдалтай гараар дохиж байв. Жиглэг үүд өөд чирэгдэн булгин тэмцэх завсраа

- Чилгэр ноён миий. үгийг сонс! Энэ чинь шударга ёс биш. Та нар... гэтэл,

- Дуугаа тат! Чи шударгадаа өчигдөр биднээс оргож бүруулсан уу. Чи миний эсрэг хар сэтгэл өвөрлөснийг эс тоочвоос бөндгөрийг чинь авахад хангалттай биш үү! Аваачиж хар гэрт чандлан хорь! гэж араас нь омогдон хашгирав.

Түүнийг гэрээс гарахад хэдэн цэрэг эмс бүсгүйчүүдийг хашин тэмцэлдэж харагдана. Тэдний дунд Мөнхлүгэн эхийн буурал толгой үзэгдэв. Богтого малгай нь унаж үс нь задарчээ. Хатангир гар нь эрээн хоромсоготой цэргийн суган доороос сарвайж,

- Миний хүү! Миний хүүг та нар яах гэж байна! Хэрцгий муу сайн мангасууд хүний цусанд ханаагүй юу гэж тэнхээгээрээ хашгирч, хүүгээ тэврэхээр зүтгэв.

Жиглэг хөл гараа дангинатал хүлүүлж, хар гэрийн мухарт орчлонгийн шударга бишид гомдон гаслан хэвтэж, шөнийн тэсгим хуйтнийг арай чамай давав. Үүр цайрах дөхөв. Үүдний тушаа холхих манааны хөлийн чимээтэй зэрэгцэн гэнэт сэм сэмхэн зөөлхөн гишгэх чимээ түүнийг хорьсон гэрийн ард дуулдав. Жиглэгийн соноршсон чих осолгүй л өөр хүний хөл цас үл мэдэгдэм чахруулахыг ялгаж !анзаарав. Хөлийн алхалт тасалдсанаа дахин тодорч ойртон ойртсоор гэрийн хойд ханын тушаа ирээд чимээгүй болов. Нимгэн шар навсгар эсгий туурганы цаанаас хэн нэг хүний дээр гарсан амьсгаа хэржигнэн сонстоно. Тэгэснээ туурга тэмтэрч, ханын шийрийг торжигнуулан оролдоно. Жиглэг айж гайхах нь зэрэгцэн дороо өндийж,

- Хэн бэ? гэж аяархан асуувал түр чимээ тасарсанаа,

- Би байна. Сүгсэгээн хевгүүн байна гэж шивгэнэх дуулдахад Анхилын дүү, нусгай бор хүү мөнийг хоолойных нь өнгөөр танив.

- Чи наанаа юугаа хийнэм бэ?

- Би ханын үдээрийг тас огтолж таныг суллан авсугай хэмээн оролдож байна.

Жиглэг тэр хүүд дотроо баярлан «эр хүн» хэмээн сайшаан бодоод,

- Хутгаа нааш нь сунга хэмээн шивгэнэв. Тэр даруй нүүрэн дээр нь хаяагаар шургуулсан хутгатай гар тулж ирлээ. Жиглэг гарынхаа хүлгийг хутганы ирэн дээр тавьж өгвөөс хонь гаргаж сурсан турьхан гар чадмаг хөделж, бадайруулсан сурыг тас татан хаяв. Жиглэг хутгыг авч ханын үдээрийг тасчин хаяж сэмхэн шурган гарав. Ашгүй унь унаж чимээ гарсангүй.

Цан хүүрэг болсон үстэй дээлтэй бяцхан хүүг даган үнэгэн харанхуйг далимдуулан хүрээнээс сэм гарч бул чулуунуудын дунд хөлдсөн горхинд хүрч очив. Тэнд ээж нь Анхилын хамт морь барин хүлээж суулаа. Жиглэг чулууны хооронд эвхэж тавьсан өлбөнхөн дахыг нөмөрч ээжийнхээ өгсөн богцыг тохож мориндоо мордлоо. Мөнхлүгэн эх хүүгээ тэврэн магнайг нь үнэсээд,

- Миний хүү бушуул бушуул! Нутгаасаа гарч Цагаадайн Алгуй хааны нутагт оч. Тэгэхгүй бол эд чамайг олно шүү! Хөх тэнгэрийн хүчин дор амьд мэнд явбал болох нь тэр. Бушуул хэмээн амьсгаадан өгүүлээд зөв талын нь өвдгийг илбэн хоцров. Жиглэг харанхуй дунд чулууны хооронд ялгарахтай үгүйтэй гурван ядруухан дүрсийг эргэн эргэн харж Долоон гол, Тарвагатайн нурууг зорин хөвч бараадан зайлан оджээ.


Top
   
PostPosted: Oct.15.15 6:20 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Oct.15.13 8:30 am
Posts: 67
Location: Is P.E.K.K.A a knight? A samurai? A robot? No one knows!
Croft gishuund bayarlalaa


Top
   
PostPosted: Oct.15.15 8:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
Баярлалаа Пекка.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.15.15 11:09 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.26.13 12:44 pm
Posts: 32
Крофт гишүүн энэ номыг оруулж байгаа юм уу? Харри Поттероос авахуулаад олон ном оруулж байгаад чинь талархаад ч баршгүй шүү


Top
   
PostPosted: Oct.15.15 11:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6431
Баярлалаа Үүлэндомог оо.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.16.15 4:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6317
Location: Энд
Хүүе өөр хүн оруулж бгаа биз дээ? Крофт өөр нэртэй болсиймуу :??:

Ямар ч бсан оруулж бгаа хүнд маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.19.15 1:11 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин гуравдугаар бүлэг

Морьдын теөвөргөөнд газар чичрэн донсолж байв. Есүнгээ хан хүүгийн орд нүүж Бага газрын чулуунд дөхөж явав. Харуутай тэрэгний гол чихран дуугарч тэргэнд хөлөлсөн хайнагийн шар мөөрч, тэмээ буйлах дуу тэнгэрт хадна. Өргөн аралтай ханхай тэргэн дээр барьсан орд цагаан гэрүүд хотны хөрзен овоолж тавьсан мэт тогтоцтой хад чулуун дундуур өгсүүлж дорно этгээдэд цайлалзах бяцхан нуурын эргийг зүглэв.

Мянгат мянгатаараа жагссан Хувилай хааны цэрэг едөр шөнөгүй цувж хойд зүгийг зорино. Хяруу цас хойд зүгээс байнга үлээх жихүүн салхинд туугдан жалга гуу даган хунгарлан алаглах нь хаврын урь ойртсоны шинж гэлтэй. Гэвч сар наашилж хаврын урь орох яагаач үгүй хүйтэн хуйсгануурхан байв аа.

Мянгатын магнайд Дайжушилэгтийн зуут явна. Тэдний хойноос Тэсгэлдэгээ, Абагахирилтуг, Энхжнн мэргэн, Хартагийн зуут цуварч хамгийн сүүлд Чэлүүдэй жагсаалыг хамхина. Тэдний араас гавшгай цэрэг, харваач баатрууд урт нумаа доёлзуулан шогшино. Урагш давшин одсон Дайжушилэгтийн ангийг мянгатын ноён Түмэн-Өлзий даажээ. Залуу ноён өөрт нь итгэсэн итгэлийг нэр төртэй биелүүлэхийг хүсэж анхнаасаа ширүүн дориун аашилж хэн нэгэн этгээд өчүүхэн зөрчил гаргавал хатүу чанга шийтгэл онооно. Ингэж амрах ундалхыг хасан давшсаар бараг хагас өдрөөр түрүүлж Онгийн гол дахь Шар орд хүрсэн байв.

Дайжушилэгт Чин далайн эрэгт Сүн улсыг байлдан дагуулах тэр дайныг орхин ирхэд Байдраг ноёны түмтийг хэсэглэн хувааж зарим мянгатыг Лиданий тэрс лүү нанхиад нарыг сенөөн даруулахаар Мөнхүүдэй жанжны дор илгээж, заримыг Аригбөх, Хайду нарын эсрэг Хадан жанжны доор явуулжээ. Дайжушилэгтийн зуут тулалдааны хамаг хүндийг үүрч ихээхэн зүдрэв. Тулалдааны явцад Дайжушнлэгтийг өмөглен түшдэг ганц ноён Өлзийт, Аландар жанжны цэргийн гарт харамсалтайгаар амь үрэгдсэн юм. Өлзийт ноёны орыг залуу ноён Түмэн-Өлзий залгамжлан авмагц хөөрхий өревдөлт цэргүүдийг «шидэт хүүрийн» үлгэрт гардаг амьгүй сүнсгүй төмөр цэрэг лүгээ ижил арзайсан жад мэсний өмнөөс аймшиггүй илгээж хүч тэнцвэргүй тулалдаанд хайрлахгүй оруулж олон хоног өлөн нойтон явуулснаас мянгатын дайчид ган гачигт уурших нуур тойром мэт жижигрэн цөөрөх ажээ. Монгол ноёд монголтойгоо дайтах нь нанхиад, өнгөт нүдтэн, харь улсуудтай байлдахаас хатуу ширүүн агаад аминд бүрэлгэн билээ.

Түмэн-Өлзий ноёны мянгат голын өмнө эрэгт орших дов толгод дунд буудаллаж хойноос ирэх цэргүүдийг хүлээзнэж цэргээ засахаар шийдлээ. Дайжушилэгт зуутаа буулгах аятайхан нөмөр газар харж явтал Дүнхэрлэй хэмээгч орилж,

- Дарангуйлагч! Хар аа тэр олгсй хорхой явна. Олгой хорхой! хэмээн бүдүүн тоорой модны зүг заав. Элсэн хонхорцогийн хооронд хэсэг бусаг ургасан тоорой модны доорх ангайн харлах хонгилын аманд алд хэргэй бүлүүн саарал амьтан хэвтэж байв.

Цэргуүд сонирхон гуугалдаж зарим нь хоромсогоноосоо сум сугалан онилоход зарим нь хориглож,

- Байг гэм. Байг гэм. Олгой хорхой харваж болохгүй. Харвахаасаа өмнө тэр харваач өөрөө хөсөр унаж үхдэл болно хэмээн сэрэмжлэн сануулна. Нумаа онилсон цэргүүд нэгтэйгүүр сумаа хайрлаж, нөгөөтэйгүүр өөрөө хөнөөгдөх юун магад хэмээн сэрэмжлэн хараахан харвалгүй түдгэлзжзз.

Дайжушилэп ядарсан тул морио давирч,

- Орхи цаашаа. Явцгаая. Өөр газар бууя гэв. Ядарсандаа цааш хэд алхуулахаас ч төвөгшөөгч цэргүүд дуртай дургуй нумаа саадаглаж, чивэлт муу олгой хорхойг хялалзан ам амандаа хараал үглэн хөдлөх гэтэл жагсаалын тэг голоос Жамган мориноосоо үсрэн бууж элсэн дунд мушгиралдан хэвтэх олгой хорхой чиглэн маажигнан алхав.

Дайжушилэгт хориглож,

- Хүүш Жамган боль гэм. Буц! хэмээн орилоход тэрбээр тоосон шинжгүй хуягаа харжигнуулан өлийн алхсанаа гарынхаа халхавчийг салбагануулан нөхдийгөө даллаж,

- Нааш ир! Хөх тэнгэрийг барин тангараглая. Бидний нүд балчиг болжээ! Энэ муу модны үндэснээс айж шүү дээ хэмээн тачигнатал хөхөрч элсэнд мушгиран хэвтэх сааралтан өгөршсөн саарал үндэсийг өшиглөв. Цэргүүд нирхийтэл хөхрөлдөж бие биесээ шоолон тоглоом даажин хийцгээсээр ачаа тээшээ буулгав. Гал өрдөх нь галаа өрдөж, ус цасанд зарим нь гүйлдэцгээж хоол унд хийж амрахаар төвхнөцгөөв.

Үдээс хойш Онгийн Шар ордны наад хөндийд Аригбөх хааны талынхны цацрууд алаглан босов. Түүний эсрэг этгээдэд Хувилай хааны илгээлтийн цэргүүдийн хуаран бүх л гоёоогоо гайхуулах мэт эрээлэн бидэрнэ. Монгол нутгийн газар газраас дуудсан цэрэг хуралдан цугларч цаг өнгөрөх тутам хүрээ хороо нь өргөжин тэлнэ. Энэ үед емнө зүгээс хятадыг дайлаар одсон шилдэг хөвгүүд, шилдэг түмтүүдээс татан авчирч гарамгай жанжинуудаар удирдүулсан дайчид нэмэн ирж шивээлэн бууцгаасаар байв. Элсэн манхны оройд Есүнгээ хан хүүгийн тэрэм, цацар дэрвэж түүнийг тойрон гэр тэрэг хөшилдөн цайрч харагдана.

Ах дүү хоёр эвдрэлцээд олон жил өнгөрсөн боловч аль аль нь илүү хүч суу зальтайгаа харуүлж чадалгүй өдий хүрч шийдвэрлэх мөчийг товлоод Онгийн голын улаан элсний ард уулзахаар их цэргийг тулалдааны талбарт ирүүлсэн нь ийн бөлгеө.

Хулагуу хаан ах дүү хоёрыгоо эвлэрүүлж дийлэхгүй болохоор гаргуунд нь орхисон боловч амьдрал түүнийг хэний талд байх вэ гэдгийг цаг мөч өнгөрөх тутам улам шаргуу шалгаах болжээ. Түүнд хурилдайгаар сонгогдсон Аригбөх хэрэгтэй юу эсвэл цэрэг хүч ихтэй Хувилай хэрэгтэй юу гэдгийг шийдэх асуудал дэнсэн дээр ирсэн байлаа. Кашмир, Иран, Вавилоныг төвхнүүлж арабын Мамлюкийг байлдан дагуулахад уугуул нутаг, монгол цэрэг, хөлөг морьд, зэр зэвсэг шаардагдах тул Аригбөх дүүг түшмээр байтал Алтан ордны Бэрх хаан эцэг Чингисийн заасан ёсоор Өвөр кавказ, Армен, Гурж нар Зүчийн улсад багтах ёстой хэмээн маргаж Ильханы хойд этгээдээс заналхийлэн өнгөлзөж Төмөр хаалга, Дэрбентийн цайзыг бэхлэн хаав.

Энэ үед Цагаадайн Алгуй хаан Бухар, Самаркандыг Бэрх хаантай булаацалдан тэмцэж Хулагуу хаантай ханьсан ойртохын зэрэгцээ Аригбөхийг дэмжихээ орхиж Хувилайн талыг баримтлах болсонд хүсэл зориг нэгэнт шийдэгдэж Хувилай ахыг дэмжих болов Ингзж л Чингисийн яс ус болж, ах дүү нар дайсан болохын эрхээр өөр өөрийн эрх ашгийг хичээсэн улс төрийн харалган бодлогод живж мөнх тэнгэрийн хүчин дор оршин тогтнох далай хаант монгол улс задран унах анхны цав үүсэн бий болж, нийгмийн хөгжлийн хатуу ширүүнд улам ангайж задрахын ёр иржээ. Гэвч бүх дэлхийг эзэлнэ гэсэн монгол хаадын хүсэл эрмэлзэл үүгээр хязгаарлагдсангүй харин ч улам гааран хүч авч цаашид олон арван жил байлдаж их их далайд хүрч. далайн цаадах хаад ноёдыг сөхрүүлэн эрхэндээ авах их хүч саарах яагаа ч үгүй байлаа.

Ургахын улаан нарнаар хоёр тал цэргээ жагсааж, хэнгэрэг дэлдэж, бадрал бишгүүр эгшиглэж, цэргүүд тэнгэр бурхнаа дуудан тулалдаанд «амь тэтгэтүгэй» хэмээн хүсэж дуулж гарцгаав. Есүнгээ хаа хөвгүүн тэргүүтэй хаад ноёд овоо эргэж хийморийн дарцаг босгож эзэн хаан Чннгисийн сүнсэнд дайчдаа даатган захиж цацартаа буцаж ирэв ээ. Толгойн ангид нуман жагсаалаар жагссан түмтүүдээс нэгэн морьтой хүн сугарч эсрэг этгээд өөд зорьсон нь жалайрын сайн эр Алаг Эрдэнэ баатар мөн болой. Аригбөх хааны талаас Төмөр хошуу хэрээ баатар мөнгөн дуулгаа гялалзуулан тосон айсуй. Хоёр баатар арван алд газар дөтлөн уүлзаж нэг нэгийн өөдөөс архиран аашилж, элс цацан бусгаж, доороо дэвхцэн эргэлдэж байснаа жадны үзүүрийг буулган ярдаг ноход мэт тэмүүлэн довтлов.

Тэднийг үзсэн цэргуүд уухайлаа хашгиралдаж, морин дэл дээргүүрээ хүзүү сунган өндийж хоёр баатрын хөдөлгөөн бүрийг алдалгүй ажиглахыг хичээнэ. Энэ баатруудын тэмцэл, тулалдааны өмнө нуруугаар хүйт оргин агадасхийж байсан биеийг тавируулж танил болсон дөжрөөг бий болгоход туслах ажээ.

Хоёр баатар харжигнатал мөргелдөж жад мэс нь хугарч унасан боловч аль аль нь мориноосоо салалгүй зөрж одов. Тэр хоёр морио эргүүлэн жадны бариулыг газар үтэр хаяж, Алаг эрдэнэ баатар өргөст бялуугаа авч, Төмөр хошуу хэрээ баатар балт сүхээ далайн нэг нэгийг дайран орж улангасан дэлдэлцэж аймшигтайяа тэмцэлдэхүйд цэргүүд амьсгаа даран ширтэцгээв. Алаг эрдэнэ баатар залуугийн аагаар давамгайлж Төмөр хошуу хэрээ баатрыг толгой түрүүгүй дэлдэн шахав. Хувилай хааны цэргүүд уухайлан хашгирч,

- Наад муу өтөлсен зөнөгеө «хамх цохь» хэмээн хөөрцөглөн шуугина. Төмөр хошуу хэрээ баатар зэс бамбайгаараа халхлан Алаг эрдэнэ баатрын өргөст бялуугаас хамгаалж далдичин зайлаад түүний хонгор хээр морины хүзүүг тас цанчив. Алаг эрдэнэ баатар бүдчин унах мориноосоо харайн бууж түмт өөдөө хүнд хуягтай булигаар гутлаа арай ядан зөөж, амиа хаацайлан зугадх зуур хэсэг эсэргүүцэв.

Есүнгээ хэн хөвгүүн шар үхрээр том том оньс чирэн хотын хэрэм дор авчирч олзны нанхиадуүдыг шавхуурдан шамдуулж хотыг яйртал харваж ханыг нь цөмлөн эзлэв.

Түмэн-Өлзии ноёны мянгат Шар ордонд хоргодож чадаагүй цэргүүдийг мөшгөн хөөсөөр түр амсхийж Үйзэн залаа хэмээх газар дайчдаа эмхэлж аваад тулалдааны талбараас ухарч яваа Аригбөх хааны цэргүүдийг устгахаар тэр шөнөдөө мордож чөлөө зай өгөлгүй хөөцөлдсөөр дайсныг мохоож өөрсдөө ч сульдаж ядрахын туйлд хүрэв.

Аригбөх хааны ангиудын үлдэгдэл баруүн зүгт Алтай нурууг давж Долоон гол Хайду хааны нутгаар дайрч Тэнгэр ууланд байх Орхон хатны монголчуудыг дуудсан цагт хамжиж тусалсангүй хэмээн залхааж амнаас ам, айлаас айл дамжин нутгийн иргэдийг ниргэн толгой дараалан хядсан байна.

Дайжушилэгт Увс нуурын эрэгт буудаллан Хайстын шилд нуугдсан оргодол цэргүүдийг хааж байтал шөнө тэдгээр цэргүүд сэм зайлж Хархираа Түргэний ууланд тарсан мэдээ ирэв.

Нуурын цайран хөөсрөх зайрмагтай ногоон давлагаа, мөстөж захалсан эргээ мөргөн буцна. Далайн зүгээс үлээх хүйтэн салхи хацар нүүрийг хайран өнгөрөхдөө майхны гадна хатгасан зуутын тугийг салбалзуулан хийсгэж, үүрэглэн зогсох адууны дэл сүүлийг намируулна. Дайжушилэгт Түмэн-Өлзий ноёны тушаалаар майхнаа буулгаж, тогоо шанагаа хураагаад тэнгэрийн хаяанд өглөөний наранд гялалзан харагдах цас мөсөнд хучигдсан дүнхэр өндөр уулыг чиглэн хөдлөв. Хөндийд нар хараахан буугаагүй байв. Харин Хархираа Түргэний цаст уулын оргилд туссан нарны туяа хөх тэнгэрт бадрах зул адил үзэгдэх нь тийм холгүй мэт харагдана. Гэвч хүний нүдийг хуурах нарийхан хөндий бол өдөр өнжин яваад барагдахгүй цайдам тал билээ. Уулын наахантайх хэдэн дов бол өндөр байц хадтай толгод билээ. Уулын бэлээр харлах дэнж бол тайга хөвчтэй өндер уул билээ. Уулыг ойрхноос харж дассан нүдээр цаг хэртэй саржлуулахад хүрчихмээр санагдавч цас умбаруулан хичнээн явавч уул ойртох яагаа ч үгүй харин ч улам холдон, улам өндөр болох ажээ.

Дайжушилэгтийн зуут цасанд дарагдсан улаан боржин толгойг ороож гартал толгойн нөмөрт хоргодож байсан оргодол цэргүүд, харуутай тэрэг, эд агуурс, хонь малаа орхиж сандран зугтав. Дайжушилэгт зуутаа удирдан голын бургас чиглэн зугтах хэдэн цэргийг нэхэв. Бүлэг улсаас хоцрох зээрд морьтой хүнийг гүйцэн очиход бусад нь түүнийг орхисонгүй эргэж бүслээд, тойрон хамгаалж зуут цэрэгтэй аймшиггүй хатгалдан тулалдав. Тэднийг удирдан байлдах ханхар том биет баатар эрийг олуул нийлж жадаар сүлбэн унагахад бусад нь сэлмээ мулт цохиулан гар хоосорч аргагүйн эрхэнд бууж дагав. Дайжушилэгт баригдсан цэргийг хараад мэл гайхаж хоцров. Хуяг дуулга өмсөж зэвсэг агссан авгайчууд урвуу царайлан зогсож байв. Гэзэг үс нь салхинд намиран хийсэх үзэсгэлэнт эмийг дундаа хийн хамгаалах ажээ. Зээрд морь унасан тэр хатан элгэндээ холтсон өлгийтэй хүүхэд тэвэрсэн байв.

- Та нар юун бүсгүйчүүл вэ? Жигшин архирахыг нь үзвэл эмэгчин арслан мэт, эргэж буруулсныг тань санавал тэвдсэн ятуу мэт хэмээхэд

- Хаан төрөө түйвээгч харгис муусайн монголчууд, хатад эмсийг байлдагч ханшгүй муусайн залуучууд! Хүрэл шатар баатрыг минь та нар хороов. Хөвгүүд охидыг минь бас хөнөөхөөр зэхнэ үү! Би Ихрэсийн их хатан Шануу байна. Энэ биеийг минь хөнөөвөл хөнөө. Эр нөхрөөс минь хагацаавал хагацаа хэмээн дуулан өчив.

- Шануу хатан бүү хилэгнэ. Буруулж зугтахаар тань сэжиглэн хөев. Эсэргүүцэн тэмцэхээр тань Хурэл шатар баатрыг дарав. Нэгэнт гэмгүй бүсгүйчүүл та нарыг таньсаны тул авхай таныг суллан тавьсугай. Орхиж хаясан тэрэг малдаа оч. Галаа өрдөж бүлээц. Наад нялх үр ядарч яваа биз гэлээ. Зовж зүдэрсэн тэр авхайн мөнгөн дуулганы саравчин доороос гялалзах нумлаж тахиралсан хөмсөгтэй дүрлэгэр хар нүднээс нулимс бөнжигнөн урсав. Холтсон өлгий дэх хуүхэд сэрж дорой дуугаар уйлагнав. Шануу хатан сэхээ авч мориноосоо буугаад дээлийн бүсийг тайлав. Дэзлэн доороосоо биеийн халууназр өвлийн хүйтэнд хатаах гэж оролдсон шээсэнд халтартаж цоохортсон өлгий даавуу сугалан авч хүүхдээ хуурайлж нойтныг нь бас л бүсэлхийгээрээ ороож тангад ший зян даавуу дээлийг бүсэлж үйтгар гуниг дүүрсэн харцаар тэртээ уул даван одсон нөхрийнхөө хойноос ширтэж өлгийтэй хүүхдээ чанга тэврэв. Дайжушилэгт мориноос бууж Шануу хатны зүг дөхөж,

- Хүү хайрласан уу. Охин хайрласан уу гэв. Тэгээд өлгийгийн нь өнгийхөөр завдтал Шануу хатан хүүхдээ зугтаалган дөлж,

- Хүү гэж товчхон хэлээд шивэгчин эмсээрээ түшүүлэн мориндоо мордож бор хадан толгойг чиглэн буцахаар хөдлөв. Тэдний дунд явах булгар орос алин болох нь үл мэдэгдэх өнгөт нүдтэй бүсгүй гэнэт зогтусаж морио цоройлгоод оготор сэлмээ сугалан зуутын цэргүүийг занан занан цааш цогиулав. Уур нь хүрсэн хэдэн цэрэг ухасхийн давхисан боловч Дайжушилэгтийн дохиогоор тэднийг нэхэхээ орхиж Хархираа уулыг чиглэн мянгатын цэргийг гүйцэхээр хатируулав. Орой болов. Түргэн уулын хормойд хүрч нарийн хавцал өгсөв. Уул давуулж чадаагүй гэр тэрэг, эд агуурс, доголж улдсан тэмээ мал замд бишгүй дайралдана, Үлдэж хоцорсон цөөхөн хэдэн цэрэг гал түлэн хоол цай хийж сууснаа Дайжушилэгтийн цэргийг үзмэгц ой модоор тарж зугтав.

Түмэн-Өлзий ноён уулын суга бүрээр цэрэг оруүлж ойг самнан нэгжээд баригдаж ирснийг тэр дор нь цаазлан залхаах нь зөвтгөшгүй хэрцгий. Дайжушилэгт зарлигаас үл гажин морины дөрөө шүргэм гүнзгий цасан дундуур туучин явж ухсан шуудуу мэт гүнзгий мөр үлдээн сүлжилдэн одсон морин замаар зугтаасан улсуудыг хөөж явтал өндөр хожуулын цаадтайгаас хүн уйлах сонстов. Дайжушилэгт саадагчаа дагуулан ойртож очвол арван тавтай бяцхан хөвгүүн бахардаж унасан өвгөн дээр тонгойж,

- Өвөг зцэг! Өвөг эцэг босооч! Та яав? Босооч хэмээн татаж чангааж байв. Гэвч гөлөрч шил шиг болсон үрчлээтэй нүд, уур үл савсах буурал сахлаар тэрхүү өвгөн цэргийн зүрх хагарсан нь илт ажээ.

- Жаал хүү чи наад өвгөнөө орхи. Насны тоо нь гүйцэж. Эр хүн байж юун уйланхай юм бэ хэмээн тайтгаруулах санаатай Дайжушилэгтийг хэлэхэд мөр нь чичигнэн уйлж суусан хөвгүүн гэнэт ухасхийн сэлмээ авч далайв.

-Та нараас болов. Өвөг эцэг минь үхэв хэмээн хашгирч харайлган ирэхэд Данжушилэгт сандрахдаа жадны бөгсөөр цохиж газар унагав. Хэгзэрч язарсан уруулаас нь улаахан цус урсаж цагаан цасан дээр дусаад жаахан томорч байлаа.

Аригбөх хааны уул хаданд бүгсэн зарим нь баригдаж, амжиж зайлсан хэсэг нь гэр малаа аван Цагаадай хааны нутагт дүрвэн гарч сэтгэл санаагаар унаж харгис хэрцгий нь туйлд хүрэв. Замд тааралдсан хэрээд, найман айлуудыг хэнийг ч ялгалгүй хүч түрэн нүүлгэж, зайлсхийсэн хэнийг боловч цаазлан залхааж уй гашуу тарив. Дайжушилэгт тэднийг Ишиг нуур хүртэл хөөцөлдөн яваад гүйцэлгүй буцаж ирэв.

Өрөнгө голын эрэгт дулаахан байлаа. Чацарганы бут морьтой явахын аргагүй зам хааж хөндий дүүрэн хөхөрч байна. Дайн дуусч цэргүүдийн сахилга нэлээд суларсан цаг. Буцах замдаа нутгийн айлуудыг хэсэж тэнд элбэг байх чацарганы шүүс ууж явав. Голын халиа тойрон алхуулж явтал Хартаг Абагахирилтуг хоёр хөхрөлдөнхөн маасайсаар баруун гараас давхиж ирэв.

- Хүүе Шилэгт! Хэдүүл голын шугуйд орж минж агная. Цэргүүд урагш явж л байг хэмээн тэр хоёр уриална.

- Та хоёрыг би асарч явахгүй бол ноднин ногоон тамд төөрдөг шиг олдохгүй болж мэднэ хэмээн Абагахирилтуг тавлав. Дайжушилэгт буцах замдаа нутгаар дайрч гарах санаа өвөртөлж явсан тул тэр хоёрын үгийг дуртай зевшөврч,

- Абагахирилтуг чи үнэн хэлэв. Чам шиг том улаан хамартай баатрыг мянган алд газраас үзэх түл хэзээ ч төөрөхгүй биз ээ. Харин өнөөдөр чамайг орхихоос өөр аргагүй. Чиний наад минчгэр том хамар чинь ан үргээж, минж агнахад саад болох байгаа. Хартаг бид хоёр яагаад ч болов буцаад ирдэг биз, тийм үү? гзж шоглоход Хартаг дуртай нь аргагүй шүүрэн авч,

- Тийм тийм. Түүнийг морь баригчаар л авч явна. Шугуйд эрж олох хэмээн зовохгүй. Холоос бараатай гэж гараараа хамар хийж даажигнаад Абагахирилтугийн хүнд савраас зайлж мориныхоо амыг татав. Дайжушилэгт зуутаа яаж байхыг түшаагаад Жамганыг авч үлдэв. Тэд дөрвүүл минжний овоохой бөөвийн харагдах голын зүг өндөр ургасан хиаг сөөгт тал дундуүр уралдан давхицгаав. Дөрвүүлээ минж агнах арга үл мэдэх тул гол дээр очоод хэсэг зуур дэмий л тэнэцгээв. Хий л нэг нэгийгээ даган овоохойноос овоохой дамжин толь шиг мөсөн дээгүүр тэшиж халууцтал гүйцгээлээ. Голын эргээр ургасан бутны ёроол, нөмөр газраар цас цоохортон хайлж, модноос мод дамжин дууч бялзуухай нисэж бууна. Гэнэт дулаарсан өвлийн өдөр хуяган дор байгаа устэй дээлийг нар нэвт ээх нь нэн таатай ажээ. Тэд тайван энхийн сайхныг мэдэрч сэтгэл нэн тэнийгээд шугуй дотуур санаа амар тэнэж явтал хэдэн гэр цасанд даруулсан бутны хоорондуур харагдав. Үер салхи, олон гамшгийг давсан аварга том тахирлан ургасан улиасны намиан доорх гэрийн гадаа очив. Тэнд хэдэн хүүхдээс өөр хүн байсангуй.

- Эцэг эх чинь хаачсан бэ? гэж тэд мориноосоо буулгүй асуувал хуучирч ноорсон нэхий дээлийн хормой доороос цоорхой тоохуу булталзуулан зогсох цовоо сэргэлэн хүү,

- Дээшээ буурын зодоон үзэхээр явсан. Та нар хэний цэрэг вэ? Хувилай хааных уу, эсвэл манай талы хан уу гэж хүзүү гилжийлгэн өмнөөс нь лавлав.

- Манай тал гэж чи хэнийг хэлнэ вэ? хэмээн Абагахирилтуг зандрахад,

- Торгууд ноён Зэлмээг хэлнэм хэмээн хэнэгч үгүй өчив. Абагахирилтуг түүний гэнэхэн царайг хараад яльгүй зөөлөрч,

- Одоо цөмөөрөө Хувилай хааны талынх болсон. Аригбөх хаан удахгуй өвдөг сөхрөх болно гэж хэлээд тэд шугуй дундуур гарсан нарийхан зам даган алхуулав.

- Ер нь миний тунгаахад Тулуйн угсаа монголыг толгойлох буруу бус уу. Чингис хааны зарлигаар Өгөөдэй. хааны үр удам бух монголыг мэдэх ёстой бишсэн билүү. Гүюг хааныг хурилдайд сонгохдоо үе удамд өөхөнд боосон мах байвч хаан төрийг барих болно хэмээн амласан байтлаа өнөөдөр бид Нагуу Хайду нарыг холын улсад хөөн явуулж үл тоомсорлох нь шударга бус уу? Шилэгт чи тэгж бодно уу? хэмээн Абагахирилтуг бодлогошрон явснаа гэнэт асуухад Хартаг болгоомжлон бут бургас өөд ийш тийш хялалзаж,

- Дээдсийн явдлыг шүүх нь мөхөс бидний хуруу дүрж хошуу цорвойх хэрэг биш билээ. Чингис хаан тэнгэрийн орноос улс монголоо ивээн ширтэж Өгөөдэй хүүгийн архи дарсанд автан эцгийн үлдээсэн ариун ордонд сартаул хүдалдаачин Абрахам мэт цадиггүй этгээдийг орогнуулан итгэлийг эвдэх учир өөрийн зарлигийг залруулж Тулуй хүүгийн удмыг сольж суулгасан ч юм билүү? Чи яахан мэдэх билээ гэж эсэргүүцэхэд Абагахирилтуг унтууцан дуугаа өндөрсгөж,

- Тэгээд тэр Тулуйн удмынхны ариун үйлс нь хаана байна? Угаадас булаалдан архилдах ноход мэт үг хэлээ олж чадахгүй байгаа хэдэн хөвгүүд нь мөн л Чингис хааны зоригт таалагдах уу? Бид аль эрт Сүн улсыг унагаж, Нанхиадыг сөхрүүлэн дараад өдийд Жагам, Мян улсыг ч бол авсан байх ёстой. Гэтэл тэр хаана байна. Монгол хөвгүүд Алтайн нуруунд цус хөлсөө асгаж байдаг, Мөн ч таарч дээ хэмээн Дайжушилэгтийн үг хэлэх зав өгөлгүй царайгаа улайлган хашгирч гар хөлөө савчив. Хэрэв модны захад малчид харагдаагүйсэн бол залуусын хоорондох маргаан юунд ч хүрч мэдэх байлаа.

- Хэн нь хэнтэйгээ байлдах ямар ялгаа байна. Монголын төр бат бэх бол нанхиадыг дарах уу, тэрс лүү монголоо дарна уу тэнгэрийн зориг биш үү? Алив тэр буур зодолдуулаач малчид хаана байна вэ. Очиж үзье гээд Дайжушилэгт хялгана халиурах шар талын дундуур морио шавдуулан ергүүлэв.

Хэдэн малчин бөөгнөрч ороо нь орж эзнээ танихаа больсон «галзуу» хүрэн буурыг нэлээд зайтай хүрээлэн зогсоцгооно. Буур ойртовол үтэр зугтахад бэлдэж мориноосоо буугаагүй ажээ. Тэд сэлэм зэвсэг агссан дөрвөн цэргийн даргыг үзээд сэжиглэж болгоомжилсон янзтай хүлээзнэв:

- Сайн байцгаана уу? Өнтэй сайхан өвөл болов уу? Буурын ороо овоо биз. Бид бас буурын зодоон үзэхээр ирзв гэхэд малчид сая тайвширч наадмаа үргэлжлүүлэхээр шуугилдан зөвшилдөв. Цастай шар талд нүдэнд нь цус хурж амнаас нь цагаан хөөс сахарсан нэгэн сүрлэг сайхан хүрэн буур сүргээ тойрон шавна. Тзртээ цаана уулын хормойд бас сүрэг тэмээ идээшилнэ. Урт өтгөн зогдор намируулсан булчинлаг хүзүүтэй цайвар зүсмийн буур толгойгоо нугдайлган хүүрхрэн шавах ажээ. Хоёр зоримог эр урьдаас бэлдэж бурантагласан ингийг сүргээс таслан хөтөлж өөд өөдөөс нь шогшуулав. Ороо нь орж хөөс сахруулан эргэлдэх буур эхний мөчид ингийг нь хөтлөөд явсныг анзаарсангүй. Ингийг иь өөр сүрэг өөд авч явааг эцсийн бүлэгт гэнэт үзээд буурнууд ухасхийн тэшиж ингээ урвуулж хураахаар тэмүүлцгээв. Энэ үед хоёр малчин ингийг зөрүүлж өнгөрөөгөед орхиж зугтаалаа. Өөрийнхөө ингийг өөр буурны дэргэд байхыг үзээд хос буур тэвчиж ядан дэвхцэж их дуугаар хүүрхрэн сэвсээ цацан шавж нэг нэгийгээ зайлуулахаар хүзүү сунган дайрлаа.

Малчид хэнхдэгээрээ түлхэлцэн, хүзүүгээ тохолцон нэг нэгийгээ өвдөглөхөөр зүтгэх хоёр хүчит амьтны гайхамшигтай сүрлэг тулалдааныг үзэж өөр өөрийн дийлнэ гэж дэнчин тавьсан буурыг бүү шантраасай гэж хөөрцөглөн гуугалалдцагаалаа. Тэдний баясгалант царайг хараад ертөнцийн гуниг зовлонг өөрийн эрхгүй мартах ажээ. Дөрвөн залуу бас хоцорсонгүй мөрий тавьж сүхэс мөнгийг баруун солгойгүй атгалцаж наадам зугаагаа гаргана.

Эхний тулалдаан дуусав. Өөр бас буур авчирч дараагийн даваа үргэлжилнэ. Ингэсээр ширээ бөхтэй том улаан буур бүх өрсөлдөгчөө дийлснээр тоглоом дуусав. Наадагчид борвитой айргаа ууж, дийлсэн буурыг магтан ярилцаж байгаад аажмаар цөөрч тэмээн сүргээ тууцгаан хар уулын суга шилээр орон тарж явцгаалаа. Орой тийшээ салхи хөдөлж хүйтрэв. Цас хаялах төлөвтэй. Зуутын дарга нар цэргүүдээ гүйцэхээр яаран довтолголоо.

Олон хоног аялсаар Хархорин хотод ирэв. Хөдөө замд олон айл Аригбөх хааныг дагаж хойд зүг Эрчис мөрнийг гатлан дайжиж одсон тул мах сүү ховордсон гэж ярьцгаах боловч Хархорин хотод дайн болсон шинжгүй хуучин янзаараа худалдаа наймаа дэлгэр, нанхиад торго дурдангаар гоёсон ганган хатад ноёд улам ч олширсон мэт санагдах ажээ.

Өглөөхнүүр түр зуур хавсарга тавьснаа зогсов. Мал сүрэг хэдэн дов сондуултай зэгст нуурын эргээр тогтоод налайн бэлчиж хаврын урьхан цаг наашлах үед Дайжушилэгт өөрийн зүутаас үлдсэн нутгийн хэдэн залуу нөхдөө дагүулан Улаан чулууны голд ирэв. Хувилан, Аригбөх хоёр муудсанаас хойш холбоо сураг тасарсан аав, ээж, амраг гэргийгээ хаагуур хаваржаалсныг сураглахаар Далтын арын гуунд өвөлжих айлд орвол огт танихгүй айл байв. Эрж сурагласаар яваад нутгийн хэдэн айл хэмхэрч хэмхэрсэн ханхай тэргээ тойруулан хүрээрхүү юм засаж нүүж явсныг арай чамай олж очив.

Хүрээнийхэн нутгийн залуусыг ирсэнд хязгааргүй 'баярлаж уйлах нь уйлж. дуүлах нь дуулж хөх тэнгэрийн авралаар эзэнтэй болов. Сувдаг муу улсууд, товуул дээрэмчдэд цөлмүүлэхгүй болов хэмээн цагаан эсгий дэвсэж хүндлэн угтжээ.

Өөрийнхөө эцгийг цэрэг захиран Онгийн ордны талд байлдсаныг сонсоод эцэгтэйгээ тулалдсанаа сая ойлгож үрчийсэн царайтай өвөгчүүл амь гуйн толгой дарах нь үзэгдэж, тэднийг хайр найргүй цавчлан давхиж явсан зуут нь Дайжушклэгтэд харагдах шиг болов.

Орох оронгүй болсон Дайжушилэгт цэрэг чуултал Мөнхлүгэн авгайн бор гэрт хэд хоног хоргодоод мордов. Мөнхлүгэн эх Дайжушилэгтийг үзээд Сабраг, Жиглэг нарыг ирснээс өөрцгүй баярлаж, Баянлиг баатрын хадам гэсэн өндөр нэр хүлээсэндээ баахан бантан өглөө эртлэн босож үнээ малаа сааж, тараг бүрж, айраг сөгнөн хөл хөнгөрч дээлийнхээ хормойг дэсвэлзүүлэх холгүй нааш цааш гүйж сайхан аашилж байв.

- Хэдэн сайхан үнээнээс мань аръс яс үлдэж одоо хоёр гурван гунж сааж байна. Шилэгт хүү нааш сүү! Тогооны өрөм ид! гээд исэр орны өмнө жижиг өр тавь хоол унд зэхнэ. Тулганд үүрээр асаасан гал цогин улайж гэрийн дотор халуу дүүгүүлнэ

- Нэмүүлзн. Сабраг нараас сурагтай юу Мөнхлүгэн ахай? хэмээн дулаан исэр дээрээс өндийх зуур асуухад,

- Чимээ алга. Жиглэгийн ч сураг тасраад удав. Миний муу Жиглэг Чилгэр ноёнд мөшгөгдөж шахагдсаар хүний нутагт оргож зайлсан. Амьд мэнд яваасай гэж заяач онгондоо идээнийхээ дээжийг өргөж, мөнх тэнгэртээ залбирах юм. Баянлиг баатрыг цэрэгт мордсоноос хойш манай нутагт учир замбараа алдаж, айл хүн тарж нүүх дөхөж байлаа. Идэр ес дөнгөж шувтарч байл уу даа. Дүн өвлийн нэгэн хүйтэн өглөө эцэг чинь нөхөр, шадар бараа бологч цэргүүдээ дагуүлан ирж Аригбөх хааны зарлигаар баруун зүг нүүх болж Жумагүл бэргэн, Налайган хатан ард биднийг хөдөлгөсөн юм. Замдаа унаа хөсөг дутмаг, бүл цөлгүй чадал дорой авгай хүүхэд цааш явж чадалгүй хоцорч эргэж ирсэн юм. Баянлиг баатар маань их л бие муутай цааш хөдөлсөн. Царай гэж пад хар. Хөөрхий муу эх чинь ч гэсэн өөрцгүй. Бас Жумагүл хатан яаж яваа юм бэ бүү мэд. Нялх бяцхан хүүхэдтэй мухлаг тэрэгний ард нүдүүлсээр далд орсон. Дайжушилэгт охинтой болсон гэж дуулаад нэг их сэтгэл хөдөлсөнгүй. Тэр эхнэр Жумагулийг бараг мартаж бүүр түүр санах тул охинтой болсноо ер төсөөлж чадахгүй байлаа, Харин хөдөө хээр хүүхдээ хөхүүлэн холтсон өлгийд үүрч, морин дэл дээр давхих өвч хуягласан Ихрэсийн хатан харагдах шиг болно. Модны хожуул дэрлэн чихнээсээ улаан ягаан цус асгаруулан хэвтэх пад хар царайай аав нь нүдэнд тодхоноо дүрслэгдэж байна. Тал талаас нөмрөн хөөх харгис цэргүүд, харуутай тэргийг бүслэн галт сумаар харвахад утаа дөлөн дунд буурал үс нь задран хийсч, талбиун нүд нь аяганаасаа бүлтрэх дөхөж, утаанд багтарсан цээжээ зууран энхэл донхол харайлган давхиад жалга уруу унаж хар утаа хаялан шатах тэргэнд даруулан алга болсон эх нь харагдах мэт санагдаж, сэтгэл дэнслэн нүднээсээ нулимс дуслуулан нутгаасаа мордсон нь ийн бөлгөө.


Top
   
PostPosted: Oct.19.15 1:12 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин дөрөвдүгээр бүлэг

Өндөр чулүун хананд хашигдах нарийн гудамжны үзүүрт Чашма Аюүб сүмийн хөх паалан бөмбөгөр орой гялалзан харагдана. Түүний дээгүүр өнгийн солонго хослон татаж анхны бороонд хөөрч баярласан Бухар хотын иргэд эрээн мяраан дээл хувцсаа алаглуулан нааш цааш хөлхөлдөнө. Олны хөлд мөлийж, борооны усанд норж, өнгө орсон чулуун замаар хасаг тэрэгнийхээ дугуй тачигнуулан нарийн гудамжинд гацаачих дөхөн зүтгэх уйгар, найман аймгийн нүүдэлчид хотын иргэдийн дургүйцлийг үл хайхран хоорондоо чанга чанга ярилцан марсайтал инээлдэх нь хорвоод ганц тэд л эзэн болж төрсөн мэт. Жиглэг Бухар хотод хэд өнжив. Олны хөл үймээнийг сониучирхан самайрч сэтгэлээ нэлээд тайтгаруулсан боловч, ханцуйд ханхийж шаржигнах ганц ч гэсэн сүхэсгүйдэж гэдэс хоосон тул хөдөө хээр айл хүрээгээр хэсэж цагаа уух нь өлзийтэй мэт санагдав Тэгж сүүлчийн нэгэн өдөр ноорхой гуйлгачингуудтай хутгалдан Цагаадай хааны сүнсийг тэтгэн босгосон өндөр саарал сүмийн хана даган хоног төөрүүлж, өглөөний наранд биеэ ээж түр зуур дугжраад, бороонд балбуулж нойр сэргэн тэндээсээ босож голын зах хүрч нүүрээ булхаад, гудамж өгсөн бодолхийлэн явж байгаа нь энэ байв.

Жиглэг нутгаас зайлан гараад тэр шөнөдөө Энхзул охины цасан дунд хаяж орхисон зэр зэвсгийг олж, урьдын туршлагаар Соён уулыг давж, шивэр ойд нүугдан явсаар Тоболын их намгийг туулж, Арал нуурыг хөвөөлөн, Үргенч, Отраар хотыг дайран, өлсөхийн эрхэнд бага сага эд агуурсаа замын хүнд хоол хүнснээс арилжиж Бухар хотын ойролцоо хүлэг мориноосоо хагацаж, арьсыг нь баян сартаул худалдаачинд зарж, одоо хөл явган гар хоосон болоод байгаа нь тэр ажээ.

Нүүрнийхээ усыг шувтран алмайран гэлдэрч явтал ганган хээнцэр хувцастай ноёд хатад хажуугаар нь давхиж өнгөрөхдөө дайрчих дөхөв, Улаан өнгөт анар чулуун шигтгээтэй цагаан ороомог малгай, мөнгөн товчтой монгол дээл өмсөж, богино ханцуйтай цагаан нөмрөг нөмөрсөн живэр хар сахалтай залуу замд тээглэлээ хэмээн Жиглэгт уурсаж, түрэг хэлээр зандран хараагаад өнгөрөв. Жиглэг яльгүй мэгдсэн боловч монгол хүний бардам занд автаж,

- Юу гэж чалчигч хагархай хэнгэрэг вэ! Хүн дайрч алахыг дөхсөн мөртөө орлио муухай хэлээр намайг зандчих чинь юу вэ! хэмээн түрүүлж одсон хатан авхай нарыг нэхэхээр эргэсэн сайх хээнцэр залуугийн хойноос хашгирав. Тэр ноён араб цусны ганган аргамагийн амыг татаж буцаж ирэв.

- Чи юу хэлэв? гээд хасын цагаан царайд дурайх өтгөн хөмсгөө сөхөн, гайхсан байдалтай монголоор асуув. Жиглэг дэмий ам гарсандаа харамсаж,

- Би нэг үгээ давтдаг намгийн мэлхий биш. Хэлсэн хэлний зөв, сонсоогүй чихний буруу биш үү? хэмээн өчихөд нөгеө залуу ноен инээмсэглэж,

- За за цааш нь ярь! Над монгол үг чихнээ чимэгтэй сонстоно. Харахад эршүүд, ярихад зоримог байрын хөвгүүн байна. Чи юун учир энэ өнгөт нүдтэний дунд ноорч явна вэ? Миний араар сундал. Ордонд очъё гэв. Жиглэг ноорхой дээлийнхээ хормойг харж,

- Энэ муу хувцас морийг тань үргээх байлгүй хэмээн цааргалахад,

- За яах вэ, хэмээн зөвшөөрөөд ташуураараа урагш дохин — Энэ гудамжны цаана даргачийн орд бий. Чи намайг дагаад яв гээд алхуулав.

Даргачийн ордны гадна түрүүний хээнцэр ганган авхайчуул морьтойгоо бөөгнөрөлдөн хаалганы гадна зогсох харуулын цэргийг дайрчих дөхөн эргэлдэцгээж сайхи эрийг хүлээж байв. Тэд Жиглэгийг гайхсан харцаар ширтэцгээсэн боловч юу ч дуугарсангүй. Цэцэрлэгт хүрээлэнд оров. Гоё ганган хувцастай ноёд хатагтай нар хөшилдөнө. Энд тэнд монгол үг яриа цухалзавч ихэвчлэн түрэг огуз үг яриа дэлгэх нь зонхилно. Алаг нүдтэй наалинхай бүсгүйчүүл ситар дутар хөгжим цангинуулан, согд газрын уянгалаг дууны эгшиг барих ажээ. Жиглэгийг дагуулж ирдэг жирвэгэр хар сахалт залуу бол Бухар хотын даргач Галбай ноёны хүү Харахай байжээ.

Харахай Жиглэгийг дэргэдээ авч. түүх судрыг нь яриулж, сайхан хувцас шагнав. Түүний өмөг түшигтээ багтаасан найз нөхөд сайн хүлэг, сайхан хувцас эдэлж, сонирхолтой түүх, үлгэр яриагаар эзнээ зугаацуулахаас өөр санах зовох юмгүй нэг ёсондоо жаргалаа эдлэх ажээ. Тогос шувуу, алтан гургалдай сүлжсэн өтгөн ногоон цэцэрлэгт өдөр бүр сууж нимбэг, чангаанз хүлхэж өнгөрөөсөн амьдрал, зүүдэлсэн зүүдээ санаж давс хужрыг нь тааруулан эзэндээ хэлж өгнө. Эхний үед Жиглэг тэднээс цэрвэж амьдралынхаа нарийн нууцыг дотроо хадгалан чимээгүйхэн суудаг байснаа эдгээр хийх юмгүй гиюүрэх залуучууд гэм хоргүй мөрөөрөө амьтад мөнийг ойлгож ээлжлэн ярилцах ярианд нэг мэдэхэд оролцож өөрийн амьдралын зах зухаас сонин гэж санаснаа чадахын хэрээр хүүрнэдэг болов.

Залуу ноёд дэмий ярьж цаг нөхцөөхөөс уйдвал заримдаа ан хоморгод мордоно.

Жиглэг тэнгэрийн авралаар сайн нөхөртэй таарч хүний зэрэгт хүрсэндээ туйлын их олзуурхаж, үлдсэн бүх насаа Харахай ноёны төлөө зориулъя гэж дотроо шийджээ. Ингэж чингэсээр өдөр хоног ээлжлэн өнгөрч, Жиглэг Харахай ноёныг хаа явсан газар салалгүй барааддаг болов.

Нэгэн удаа анд мордож Арал муурын хөвөөн дэх шагшуургыг хоморголохоор хонож байлаа. Үүрээр дэргэдэх өвс сэржигнэх чимээнээр сэрэв. Түүний дэргэд Харахай явган сууж байлаа. Манан дотор бут бургас сүүмийн бараантаж, агт морьд чимээ аниргүй үүрэглэцгээнэ. Ид нойрондоо дугжрах залуус ойрхон хурхиран яраглаж байна. Харахай түүнийг өндийхөд мөрөн дээр нь дарж,

- Чимээгүй. Жиглэг чи сонс. Би чамд нэгэн чухал хэрэг даалгая. Чи гүйцэлдүүлэх үү хэмээн шивгэнэн асуув.

- Ноёнтон та юу хүснэм бэ? Би таны хэргийг чадлынхаа хэрээр гүйцэлдүүлэхэд бэлэн байна гэж өчихднө сэтгэлдээ ан хоморго л биз хэмээн санаж баяртай царайлав. Харахай хөвгүүний жирвэгэр хар сахал нумлаж, царайд нь найрсаг инээмсэглэл тодрон ийн шивгэнэв.

- Миний биед дайсагнахаар ирэх нэгэн согд хүнээс намайг хамгаал гэв. Жиглэг ийм үг сонсоод тохой дээрээ өндөсхийж,

- Хэн тэр вэ. Эзэнтээн! Хэрэг болбол би таны алтан амийг өөрийнхөөрөө зольж хамгаалахад бэлэн гэж зоримог өчив. Харахай түүний мөрийг дарж болгоомжлохыг сануулан, ийш тийш хулмалзан унтаж байгаа нөхдүүдээ ажиглан ийн өгүулрүүн:

- Тэр хүн өнөөдөр ирж бидэнтэй нийлнэ. Би чиний зориг шийдэмгийг аль эртнээс ажиглаж таньсан тул итгэл үл төвденө. Гагцхүү тэр хорт муу хүн башир аргад нэвтэрхий тул миний эсрэг юу хийхийг атаа тэнгэр л мэдэх буйзаа. Иймд сүх далайтал үхэр амар хэмээх шиг хор хүргэхийг хүлээж зүгээр сууж хэрхэвч болохгүй. Харин чи өрсөн босч хортныг тонилгосугай гэв. Жиглэг насаар хэд дүү цэвэрхэн залуугийн хүүхэд ахуй төрхөө алдах яагаа чүгүй эршиж боргошиж яваа нэгэн царайг хайрлан харж,

- Хүрээд л ирэг. Бид таны дохиогоор ухасхийн дарж авъя хэмээн эзнээ тайвшруулан аядахад Харахай хөмсгөө зангидан ярвайж, цэгнэх мэт ажиглан сууснаа тэсвэр алдах янзтай бөхийж ийн өгүүлрүүн:

- Миний бусад андууд бүү мэдэг хэмээн үүр шөнөөр гэтэж, гагцхүү чамд итгэж хэлж байгаагийн уч_ рыг чи ойлго. Тэр согд хөвгүүн бол Алгуй хааны шадар Фаиди Мухтар чинсаны үр удам юм шүү. Тиймд шуугиан чимээ дэгдээж үл болно. Гагцхүү чи өөрөө дааж түүнийг цааш харуул. Хэн ямар учиртай энэ хэргийг үйлдсэнийг чи бид хоёроос өөр чихтэй амтай хэн боловч мэдэх ёсгүй. Тэгвэл хоёул цовдлогдоно. Чи түүнийг цааш харуулж дийлэхгүй бол мөн хоёул тэнгэрт халих болно гэв.

Жиглэг түүний заналхийлэх мэт үгийг сонсоод цэлмэж байгаа тэнгэрийг хяламхийнгээ Харахай хөвгүүннй хүйтэн царайг ажиглаж,

- Та яалаа гэж тэнгэрт халих вэ! Би эс дийлбэл хэргийг ганцаар үүрнэ. Тэр явдалд сэтгэлээ бүү зовоог тун гэж бардам амлав. Гэтэл Харахай халаглан өвдгөө шааж,

- Тахир ноёныг заавал тэнгэрт халиах хэрэгтэй. Амьд буцвал Муж Яа хаан бидний толгойг мөрөн дээр маань лав үлдээхгүй хэмээн хашгирах дөхөн шивгэнэв. Харахай хөвгүүн Цагаадайн Муж Яа хааны нэр дуудсаны дараа үг алдсанаа сая ойлгож амаа хамхивч хоцорчээ.

Жиглэг тохом дээрээ тохойлдон өндөсхийж,

- Муж Яа хаан гэнэ ээ. Яагаад тэр билээ хэмээн дуу алдахад Харахай түүний амыг алгаараа таглаж манан дундуур ийш тийш сэрэмжлэн харж чих тавин чагнаснаа чимээгүй хэмээн дохиод,

- Нэгэнт чи мэдсэнээс хойш би чамд үнэн учрыг тайлъя. Тахир ноён гэгч Алгуй хааны их охин Гэрэлгуа хатны сэтгэл зүрхийг булааж, өөрийн эцэг Фаидн Мухтар хэмээх чантуу чинсанаар ятгуулан Алгуй хааны ивээл дор багтаж их хааны засаг төрийн жолоонд хүрэхээр заналхийлэн байгааг Муж Яа хаан болгоомжилж Тахир хөвгүүнийг нууцаар зайлуулах зарлиг буулгасан юм. Энэ зарлиг чандад нууцлагдах тул миний андуудын аль нь ч үл мэднэ. Тахир хөвгүүнийг Гэрэлгуа хатны хамт гөрөө хийлгэж зугаацуулах нэрийдлээр Муж Яа хаан зориуд нааш явуулсныг тэд үл сэжиглэнэ хэмээн шивгэнэснээ нүдээ онийлгож. - Арал нуурын шагшуурган дунд тэнүүл оргодол муу улс орогнохыг алийг тэр гэх билээ. Эргэн тойрон хөлгүй ус намаг байна. Болгоомжгүй гишгэвэл яваад өгнө биз гээд учиртайхан харав.

Жиглэг Харахайн амнаас гарах үгийн учрыг сая ойлгохдоо хаад ноёдын эцэс төгсгөлгүй хуйвалдаанд дахиад орооцолдож байгаагаа ухаарлаа. Дээдсийн хэрэг ямар их хорлонтой, ямар их түйвээнтэй юм бэ! Эсвэл Жиглэгийн мэнгэ нь голлож, хаана хэрэг мандана тэнд хувь тавилан нь хөтлөн авчирдаг юм болов уу хэмээн гайхах шиг болов. Нэгэнт ихэс дээдсийн гар хөлийн үзүүрт түлхэгдэн явах заяа муутай төрсөн, үйлс нь бүтэлгүй хүн бол юундаа ч биеэ нөөх вэ хэмээн сэтгээд төдийлөн түдгэлзсэнгүй зөвшөөрч,

- За би таны зарлигийг гүйцэлдүүлье. Та санаа бүү зовогтун хэмээн өчлөө.

- Чи Тахир хөвгүүнээс нүд салгаж болохгүй шүү. Мөн ойртож үл болно. Эгзэгийн нь тааруулж нэг удаа зөрөх хэрэгтэй. Ул мөр үлдээж болохгүй гэж хэлээд Харахай өндийв. Жиглэг Харахай хөвгүүний нөмөрсөн дээлийн хормойноос татаж,

- Дараа нь би таны ордонд үлдэж болохгүй. Би хаачих вэ? гэж шууд тулган асуув. Харахай явган сууж саадагных нь сарьсаар оролдон ийн өгүүлнэ.

- Жиглэг чи тэр чигээрээ явж энүүхэн урд Жейхун голын эргээр нутаглах Тэмүүгээ баатрын хүрээгээр орж миний нэр хэлж, унд хоол залгуулж Борог хааны нутагт зайлан одох хэрэгтэй. Борог хаанд үзүүлэх итгэмжлэх бичиг Тэмүүгээ баатарт яваа гээд сэмхэн гишгэсээр бургасан дундуур орж алга болов.

Шингэрч буй манан дунд адуу манаж хоносон цэрэг сүүмэлзэх ба түуний исгэрэх нь бүдэг дуулдаж байв. Бага үдийн алдад хоморгоны хөнгөн хуягтай, оготор сэлэм. урт нум агссан ноёд хатад хүрэлцэн ирцгээлээ. Гэр майхан босож, дуу хуур түгж, хөл хөөрцөг болцгоож байгаад хумих газартаа дөхөхөөр хөдөлцгөөв. Харахай хөвгүүний удирдлагаар үргээлэгнийхэн явж язгууртан ноёд тогтсон цагт хоморгоны хөлд орж авлахаар түр азнав.

Хоморго хоёр өдөр үргэлжилжээ. Чоно туулай үргээж зэгсний гахай агнаж үдэш нь найрлаж, ангийн махны шөл ууж шуугилдацгаана. Тахир ноён хэмээх хянган хамар, сэргэлэн хурц нүдтэй түранхай залуу ан авд бараг оролцолгүй бут бургас, зэгс шагшуур дундаас толгой нь шоволзон омголон морин дээр бүжиглэх мэт хатируулж Гэрэлгуа хатнаас салахгүй дагах ажээ. Жиглэг сайвар хүрэн морио давирч тэдний хойноос бараадах боловч Тахир ноены дэргэд Гэрэлгуа хатнаас гадна бие хамгаалагч цоохор хөх царайт тажиг, чантуу алин болох үл танигдах хялар нүдэн цэрэг нүүдэл дагах гөлөг аятай шогших тул ойртож үл чадна.

Орой болов. Харахай Жиглэгийн царай өөд асуух мэт харахад Жиглэг уруу царайлж,

- Ганцаараа үлдэхгүй юм гэж амандаа бувтнаад сумныхаа зэвийг билүүдэж сууна.

Гурав дахь өдөр анчид мордоцгоож шуугилдах завсар Харахай.

- Хөдөлцгөөе! Хөдөлцгөөе! хэмээн шамдуулан хашгирч Гэрэлгуа хатны дэргэд очихдоо

- Хатан та чилээрхэх биз. Өнөөдөр амар. Хоосон давхиад юу хийнэ. Би өнөөдөр таны гахайг агнаж ноёдыг дайлъя гэж уриалгахан зөвлөв. Гэрэлгуа хатан нүдээ дүрлийлгэн харснаа,

- Харахай чи юутай уриалгахан. Бухарын бүсгүйчүүд чамайг ялдамхан гэлцдэг нь үнэн байж. Миний харвах сумыг арван алд газар үл хүрнэ гэж бодоогүй биз! Би өнөөдөр та нарыг өөрийн бодонгоор дайлна. Харин чи тийм баатар эр бол цөмийг идээрэй. Тэгэх нь зөв биз дээ? гэж хэлээд эргэж харав. Тэднийг тойрон бүчсэн шивэгчин бүсгүйчүүд баясалдан хөхрөлдөцгөөлөө. Харахай мориныхоо амыг татаж,

- Ховдог миний ходоодыг горьдоож хоосон битгий ирээрэй Тэгвэл би таны сум байтугай Тахир ноёны сум арван алд газар нисэхээ больжээ гэж бодно шүү хэмээн тачигнатал хөхрөв. Тахир ноён хацраа тагвалзуулан жуумалзах аядсанаа илднийхээ бариулыг чанга атгаж,

- Өнөөдөр Гэрэлгуа авхай таны хөлд алтан соёот бодон бэлэн байх болно хэмээн хөмхий зуун амлав. Морин туурай нижигнэж, залуу ноёд хатагтай нар хөдлөв. Харцага шонхор бариачид, зэвсэг тээгч хорч нар хойноос нь дагаж нуурын хөвөө чиглэн цувралдан шогшицгоов. Үд дунд хоморгонд хашигдсан ан амьтад бургас бутнаас шоволзон гарч тэвдэн бултан зугтав. Амарч ханасан залуучууд ухасхийн хөөцөлдөж, хойноос нь бүргэд шонхроо тавьцгаах ажээ.

Жиглэг тэдний дунд хутгалдан Тахир ноёныг харуулдан анаж, далд орсон шагшуурт дөхөж зэгсний хоорондуур бүдэгхэн харагдах Гэрэлгуа хатны гал улаан нөмрөгийг алдахгүйг хичээн мяраах ажээ.

Гэнэт ойролцоох зэгсэн дотроос том хар бодон ухасхийн гарч нуурын мэлтэлзэх тохойг чиглэн харайлгав. Морь нь холби үсрэхэд Гэрэлгуа хатан уулга алдан цочиж, дагаж явсан хатагтай нартайгаа дуу нийлүүлэн чарлалдан, айдсаа дарж ядан хөхрөлдөцгөөж бүсгүйчүүдийн шуугианыг дарж,

- Тэр байна. Тэр далд орлоо! Тахир хөвгүүн чи үзэв үү хэмээн хашгирахуйд согд газрын омголон залуугийн нүд нь хөнхийн гялалзаж нумаа саадагнаасаа шүүрэн аваад гахай алга болсон бутны зүг ухасхийлээ. Шигүү ургасан бургасны навчин дунд түүний хар хажлагатай хөх торгон дээлийн хормой хийсэн далд оров. Тэр үед Жиглэг хоцорч үлдсэн хатан авхайчуулын дэргэд давхиж ирэв. Гэрэлгуа хатан шивэгчин авхайчуулаар хүрээлүүлэн хөөрөн хашгирч байхыг үзээд авлалт жинхэнэ ёсоор эхэлснийг дотоод сэтгэлээрээ мэдрэн, Жиглэг далд орсон хүмүүсийн хойноос давхиснаа тэднийг амдаж тойрохоор морины жолоог нуурын эрэг өөд залав. Шившээлэн найгах зэгсэн дундуур зүсэж баахан давхитал зэгсний цоорхойгоор гахай хөөсөн Тахир ноён гарч ирэхтэй таарав. Тэр эхлээд Жиглэгийг анзаарсангүй. Гахай ч түүнийг харалгүй бараг дайрчих шахан хажуугаар нь өнгөрөх үед Тахир ноён бачимдан хашхирч,

- Харваач! Харваач! гэж муухай харан давхиж ирэв. Налж хөшилдсөн шагшуургын доогуур бодон . гахай шурган алга боллоо.

Ойр хавь эргэн тойрон хүн амьтан харагдахгүй байна.Шадар нөхдүүд, бие хамгаалагч хялар цэрэг шавар шалбаагт зоогдон, нүүр амаа зэгсэнд шавхуурдуулан хоцорсон бололтой. Тахир ноёны нарийн хамрын хямсаа сарталзан татвалзаж, хоншоор доогуураа өнгөрсөн бодонг намнаж чадалгүй алдсан будлиу муу харцыг занчиж залхаахаар дайран давшилж,

- Өөдгүй муу новш! Хайран сайхан тарган гахай алдлаа. Алмайрч бээцэгнэсэн мануухай хэмээн ташуураа далайн ороолгохоор завдав. Жиглэг гарыг нь мушгин тэвэрч богино илдээ бөөр уруу нь дурж орхив. Тахир ноён гайхан цочиж,

- Чи яаж байна аа? Ташуурын ая даахгүй муу гөлөг, ноёноо алах гэнэ ээ? хэмээн эсэргүүцэн тэмцэв. Жиглэг юу ч хэлсэнгүй, мориноос. нь татан урдуураа бөгтрөн дүүрч хутгаа далайн дахин бүлэв. Тахир ноён сандарч амнаасаа гоожих цусанд хахаж цацан нулимж,

- Битгий, битгий! Чамайг би өршөөе. Асарт минь бушуухан хүргэж өг. Би амьдарна. Чи битгий ай. Би чамайг яах ч үгүй. Аллахын нэрийг барьж тангараглая. Намайг асарт минь хүргэж өг. Миний нөхөр шарх анагаах навч мэддэг юм. Чи амийг минь битгий тасал. Би чаиайг цочирдсоныг мэдлээ хэмээн үглэв.

Жиглэг Тахир ноёны морийг цулбуурдан өтгөн ургасан шагшуур дундуур зүсэн оров. Тахир ноён нэлээд ёолж үглэснээ чимээ тасрав. Эргэн тойрноо болгоомжлон ажиглаж хүн битгий дайралдаасай хэмээн сандран голын эрэг даган давхиж явтал замаг навч хөвсөн намгийн ногоон ус тааралдаж тэнд Тахир ноёны цогцсыг арай ядан живүүлэв. Тэндээсээ мордон гол өгсөн морио сэлгэн сэлгэн давхиж өдрийн хагасыг туулав. Тахир ноёны бүдэнтэй саарал морийг шугуйд оруулан модноос уяж орхиод Харахайн заасан Тэмүүгээ ноёны хүрээг эрж олохоор явав. Жиглэг хэсэг явснаа хөөрхий адгуус харангадсанаас энэ нь дээр гэж шийдэж эргэж ирээд Тахир ноёны бүдэнтэй саарлыг харваж унагаад нар жаргаж байгааг хяламхийн ажсаар Жейхун голын хөндий өгсөн нутгийн айлуудаас холуур дөлөн өнгөрч шөнө дүлээр хүрээлэн буусан Тэмүүгээ баатрын өргөөнд ирэв. Тэмүүгээ баатар түүнийг Борог хааны нутаг зорьж Харахайн үгээр явааг сонсмогц олон таван үг шалгаасангүй. Түүний дээл хувцсыг солиулж, хооллож ундлаад тэр шөнөдөө багтаан хиргис уйгар голдуу долоон дайчнаар хамгаалуулан Ала дага ууланд зусах Борог хааны орд өөд илгээв.

Тэд тэгж өрнө зүг яаран довтолгов. Аянчин жинчнээс дөлөн, шенө худгаас морио услан, өдөр хээр гарч амарч авдаг байлаа. Тэд ийнхүү явсаар халуунд халж цангаж. хар салхи, угалзанд дайруулж, эцэж ядрахын туйлд хүрч Кызыл гомын элс гаталж, уул ус элбэгтэй нутгийн захад хүрэв. Замын хажуугаар арзайн хэвтэх малын сэг, хувхай яс үзэгдэхээ болив. Өтгөн ногоон өвс, мөнгөлзгөний төгөл цоохортсон хээрийн сайхан нутаг нүдэнд дулаан тусна. Дөрөө шүргэм намуу цэцэг найгасан өндөр өвсөн Дундуур тэд хатируулж явна. Өглөөний наранд навч нь цайран гялалзах намхан модыг сонирхон харсан Нурзабек өвгөн,

- Жиглэг энд баахан бууж модны сүүдэрт үд өнгөрөөе. Энэ сайхан самрын модны ёроолд би залуудаа хэвтэж амарч байсан удаатай. Бар жилийн намар Мажарын Бела хааныг хөөцөлдөн явсаар Понтийн далай хүрэхэд тэнд ийм сайхан мод ургасныг олж үзсэн билээ. Ээ дээ мөн ч сайхан нутаг байж билээ. Орд эзэн хан хүү Бела хааныг буцаж ирж магад хэмээн далайн эрэг хөвөө газрыг харуулдан сахиж суухад нутгийн айл хэсэж, модны хуурсан самар амсаж ч явлаа хэмээн хуучлахад Жиглэг морин дээрээ өндийж модны хажуугаар өнгөрөхдөө мөчрөөс нь чангааж бэлцгэр ногоон булцуу тасдан авч зажлангуутаа ярвайн тургиж.

- Идэхийн аргагүй гашуун юм. Таны урьд үздэг өөр мод байлгүй. За тэр модны сүүдэрт бууж амаръя гээд өтгөн навчтай мөнгөлзгөний модон доор ирж морьдоо тушицгаан, дашмагтай ус, олгойтой сүү цай, зэс тогоогоо гаргаж гурван чулуу тулаад гал үүсгэж тухалцгаав.

- Тэмүүгээ баатрын өргөө хүрээ яагаад Женхун голд нутаглаж байгаа юм бэ? гэж пор пор буцлах цайг ажиглан асуув.

- Аригбөх хааны цэргүүд Хувилайгаас зугтаж ирэхдээ Тэнгэр уулан дахь монголчуудыг амласан | ёсоор ирж тусалсангүй хэмээн өшиж авгай хүүхэд, хөгшид хөвөө настан гэж ялгалгүй хяргаж сүйдэлсэн юм. Тэмүүгээ баатар үлдэж хоцорсон хавийн айлыг тугийнхаа доор цуглуулж дүрвэн ирээд байгаа юм. Бидний гэр орныг түйвээж, эхнэр хүүхдийг маань сарниулсан тул Тэмүүгээ баатрын хүрээнд хоргодон амьдарч явтал цаг тайвширч бидний ам илүүдэх болж орох орон чүгүй, өвөртлөх эм чүгүй бид чамайг дагаж Борог хааны нутагт очсугай хэмээн сэтгэл шулуудан гарав. Борог хаан Абага хаантай эвдрэлцэн тэмцэх учир олз омог олдож, хөлжиж дэгжих ч юун магад буюу хэмээн горьдож явна. Чингэж ярилцсаар цайлж дуусаад мордов. Ийнхүү аялан явсаар Борог хааны харуултай сая учирч ордонд нь хүргэгдэж ирлээ.

Борог хааны орд баян тасгаараа бүхэнд гайхагдана. Цэцэг ногоо дэлгэрсэн тэнүүн талд улаан халз, хөх тоногт хасын цагаан гэрүүд дүнхийж адуу мал багширч, аргалын утаа суунаглан цэнхэртэж, айраг цагаа сэн хийх ажээ. Борог хаан Муж Яа хаанаас олгосон пайзыг үзээд олон таван үг асуусангүй, харин хэдэн хоног амраагаад гэнэт зуутын даргаар тохоож цэрэглэн байлдаж буй Дэшт Лутын тал уруу илгээв.

Хужир марз ургасан Дэшт Лутын өргөн талд тажиг, түрэг голдуу цэрэг захиран зэрэглээн дунд жирэлзэн давхиж, Абага хааны малчид, хилийн харуулын цэргийг уулгалан дайрч, морь малыг нь таслан хөөж дайсанд амар заяа үзүүлэхгүй дээрэмчин нэгэн сайн эр болжээ.

Дэшт Лутын тал өргөн уудам билээ. Жиглэг зуутаа дагуулан сайр ус дамжин байраа сэм сэм солин хэрэн тэнэх бөгөөд Абага хааны харуулын цэргийн ар талд гэтэн гарч айл амьтныг бужигнуулж перс, араб, түрэг хэлний иргэд алиныг ялгалгүй хөнөөж бараа сураггүй алга болно. Ул улаа шагайж, гэдсэндээ хөлөө хийлцэгч монгол ноёдыг бүр үзэж чадахгүй, гэр орныг нь орвонгоор нь нурааж хэрцгийгээр цовдолж хаядаг байв.

Жиглэг хөвгүүний сэтгэлд гунихарсан харамсал л үлджээ. Түүний амьдрал сэхэл авалгүй уруудсаар ирээдүйн сайн сайхан хусэл мөрөөдөлд найдах итгэл алдарч, сэтгэл дүүрэн амьдрал одоо хэзээ ч эргэж ирэхгүй болсныг бүүр түүр ойлгов. Түүнд хайрлаж хандах эхнэр хүүхэд, ах дүү, амраг садан ч байхгүй. зүрх сэтгэл нь хов хоосон. Өөртэй нь адил зэрлэгшиж улангассан хэдэн цэргээс өөр хүрээлэх хүнгүй, сүүдрээс өөр найзлах нөхөргүй үлджээ.

Хүсэж мөрөөдөж, төсөөлж байсан амьдралын аль нь ч гүйцэлдсэнгүй. Насныхаа төгсгөл уруу дөхөж явна. Юуны тулд зүтгэж, хэний төлөө тэмцэж явна вэ? Хар амиа бодож, толгойгоо хоохойлох нь амьд явахын жаргал биш. Эр хүн өрөөл бусдыг хайрлаж, хамгаалж, их үйлс бүтээж, сэтгэл санаа нь зовж явахаар төрсөн гэлцдэг. Гэтэл Хулагуу хааны иргэдийг түйвээн сандраах их хэрэг мөн гэж үү? Тэд элгэн садан нь биш боловч эгэл жирийн зовж ядарсан малчид билээ.

Урьд залуу явахад бүх юм ойлгомжтой утга төгөлдөр байсан бол одоо алхам бүр нь утга авцаагүй, зорилгогүй болжээ. Хүүхэд ахуй цагт идэх хэрэгтэй, өсөх хэрэгтэй, ирээдүйнхээ амьдралд бэлтгэх хэрэгтэй байсан. Идэр залуу насанд амьдралын шим шүүсийг амталж, нөгчихийн цагт харамсахгүйгээр үйлсээ зөв зохицуулах хэрэгтэй байсан. Одоо тэр бүхэн нь зөв байсан уу гэхэд хэлэх юм алга.

Эргэн тойрон хуурай манан бууж цав цагаан хөвөнгөөр зуут цэргийг ороогоод тавьчихсан мэт санагдана. Ойрмогхон сүүмэлзэх баглуур бударганаас цааш юу ч үл үзэгдэнэ. Нар дээр хөөрсен, эсвэл хэвийсэн алин болох үл мэдэгдэнэ. Хаана дайсан, хаана Борог хааны мянгат шивээлэн буусныг баримжаалж мэдэхгүй байлаа. Гагцхүү дэрсний ёроолд хунгарласан элсний байдлаар дорно зүг явж байна хэмээн дотроо тааварлаж явав.

Жиглэгийн саяхан сүйдэлж орхисон айлуудын аргалын араар шархтай бор хүү нуугдан үлдээд, цус нулимсандаа холилдон давхиж яваад Абага хааны сэргийлэхийн ангитай тааралдаж, тэднийг авлахаар нэхэн явааг яахан мэдэх билээ.

Самнаагүй удсан сахал үс нь бавайж даахираад, үзсэн хүн цочиж эмээхээр ажээ. Энд тэндээс олзолж зүүсэн эрээвэр хураавар дээл хувцас, хуяг дуулга нь их замын дээрэмчнийг санагдуулна. Ухаа хонгор азарга унасан Жиглэг бөгтийсхийн зүүрмэглэж манан дундаас чимээ сонстох эсэхийг чагнасхийн алхуулсаар явав. Түүний үнэнч тугч, саадагч нь ялимгүй хоцорсхийн цэргуүдийнхээ цувааны сүүлийг харах хараа эс гүйцнэ.

Эл цэргүүд эцсийнхээ замаар явж байлаа. Манан дээр гишгэн хөөрсөөр тэнгэрт хүрэх юухан байх билээ. Цэргүүд ч тэр, Жиглэг ч тэр тэнгэрт халихаа яарахгүй байна. Эсвэл дотроо яарч байсан ч юм билүү. Хэн мэдэх вэ. Сүнс нь тэднийг орхиод Чингис хааны тугийн доор аль эрт очсон ч юм билүү. Бүү мэд.


Top
   
PostPosted: Oct.21.15 9:26 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 904
1985 оны зохиол болохоор аргагүй хаадыг "хийх" нь тодорхой. гэхдээ жиглэгийг үйл явдал гэнэт болоод өнгөрдийшд. би бүр хэвлэлийн алдаа байх гээд хуудас тоолж билээ. тэгээд наян таван оны ном гэхээр нь тэгээд хаясан.


Top
   
PostPosted: Oct.22.15 12:29 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин тавдугаар бүлэг

Хөлс урсаж, нүд хорсгоно. Дал мөрөн дээгүүр дарсан эмээлийн олом нухаж, санжганан унжих ган дөрөө явдлын аясаар хондлой нуруун дундуур балбаж явлаа. Xээрийн анхилуун өвс хөл доор зөөлөн гишгэгдэж Сабрагийн гунигт сэтгэлийг улам хөндөв. Сэрвэнтэн харагдах уулын дээгүүр нар гудайсан боловч илч нь хариагүй улам төөнөх мэт. Сабраг хөшсөн гараараа мориныхоо дөрвөн туурайг хумин барьж хүзүүн дээрээ бөгтрөн үүрсэн буурал халзан мориныхоо хүнд биенд дарагдан, намс намсхийн шүд зуун алхсаар гэрийн гадаа авчирч буулгав. Хэсэг зуур амьсгаагаа дарж амсхийн, өнгө алдсан хөгшин буурал мориныхоо дэлийг илэн суув.

Гэрийн гадуур хүн харагдахгүй байна. Нэмүүлэн гэртээ, хүү Хөхтөмөр өглөөгүүр хонинд яваад эзгүй байгаа бололтой.

Вавилон газар байлдаж, элсэн дунд шарагдаж аль эрт Кипр Генрийн, Эюүб султанд алдсан Иерусалим хотыг авах гэж хүлээсээр байтал Мамлюкийн султан гараа хумхиж суусангүй Алтан ордны Бэрх хаантай холбоо сүлбээ тогтоож, Хулагуу Бэрх хоёр үеэлийг эвдрэлцүүлэн Дэрбэнгийн цайзнаас их цэрэг давшуулж Тэврис хотыг эзлэн хойд зугээс заналхийлэхэд Сабраг арайхийж Нэмүүлэндээ ирж нийлжээ.

Хүү Хөхтөмөр эцгээс хол өссөн тул Сабрагийг үзээд нэг их эрхэлж сүйд болсонгүй. Сүүлд охинтой болж Камила хатны нөлөөгөөр Иран маяг оруулж Разия хэмээн нэрлэсэн бөгөөд тэр охин Сабрагийнх гэхэд итгэл мөхөс. Охиноо төрөх үед Сабраг Бэрх хаантай тулалдаж явсан бөгөөд эзгүйд олсон байж мэднэ гэж хардана. Хэдийгээр Сабраг гол тулалдаанд ороогүй боловч урьд өмнө үзэгдээгүй ширүүн тулалдаан болсныг мэдэрч явсан билээ. Энэ тулалдаанд Билүүн[Каспийн тэнгис] тэнгисийн эрэг дэх Тэрэг хэмээх газар олон баатар эрс ясаа тавьсан юм. Бэрх хаан, Хулагуу хаан нэг нэгийн эсрэг их хүч гаргаж, гурван өдөр байлдаад Бэрх хаан хүчинд түрэгдэн ухарсан юм. Хулагуугийн олон цэрэг Бэрх хааны тэрмийг тонох санаатай давшиж яваад отолтын бэлтгэл хороонд хажуу бөөрнөөсөө цохиулан далайд шахагдаж мөсөн дээр тулалдсан нь их хохирол учруулсан билээ. Аварга их хүний бөөгнөрлийг далайн мөс даахгүй цөмөрч хэд хэдэн түмт тэр чигээрээ усан доогуур сураггүй алга болсон билээ.

Сабрагийг эргэж ирэхэд Нэмүүлэн баяр хөөртэй угтсан боловч хэд хоногийн дараа уйдаж залхсан харцаар ширвэн харж, ганц бие зожигдуу амь зууж хэвшсэн авгайн байдлаас салж чадахгүй зууралдана. Нэмүүлэн Сабрагийг гэрийн эзэн гэж хүндэтгэн асрахыг хичээвч нэгэнт дассан сурсан заншилдаа автан мартаж алмайдах буюу хоол цайгийн нь дөхүүлж бөхөлзөх нь төвөгтэй юм шиг санагдах ажээ. Сабраг эхний үед эхнэр хүүхдийнхээ хөндий дөлүүд гомдож бухимдсан боловч аажмаар дасч Улагаа ноёны өргөө хавиар цэрэг дайны хэрэг хөөцөлдөн хамаг цагаа барж харуй бүрийгээр гэртээ эргэж ирдэг болжээ. Нэмүүлэнг охин төрүүлснээс хойш гэр орны ажлаас бүр хөндийрч Разия охиныг хардаж шинжсэн нүдээр хөмхий зуун харж, хоолойд нь хор хар бөглөрөвч унд хоол идсэн болж, Нэмүүлэнгээс харцаа буруулан сууж ганц хоёр үгээр энэ тэрийг хэлэлцэх өөр үг үл дуугарна.

Сабраг наамал ултай гутлаа зөөж тавьсаар гэрийн хаалгаар сэвхийтэл ороход ширдэг ширж суусан эхнэр нь давхийн цочив. Нэмүүлэн харь күрдийн нутагт ганцаар олон жил амьдарч цаг ямагт түгшүүрлэж дасжээ. Сабрагийг ирснээс хойш Улагаа ноёны хүрээнээс зайдуу Хар ус голын хөндийд буув. Өвс ус даган хэдэн малдаа тарга хүч авахуулах гэсэн нь энэ байжээ. Нутгийн ардууд монголчуудад дасч нөгөө талаас тэдний сэтгэл алдрах хэмээвээс хааны цэрэг хатуугаар залхаан цээрлүүлэх ба булаан эзлэгчдийн үзэх нүд, сонсох чих болсон нутгийн чинээлэг малчдаас үндсэн хэсэг нь бүрэлдэх засаг захиргаа, харуул сэргийлэх үргэлж гар дор байдаг тул тэд гэм хор үл хүргэнэ. Гэвч оргодол дээрэмчин алийг тэр гэх вэ?.

Нэмүүлэн эр нөхрөө урвагар царайтай орж ирж эмээлээ хатавчинд тавихыг ажиглан,

-Ямар хачин чив чимээгүй хүрээд ирэв? Би бодолдоо автаж чиний ирэхийг огт анзаарсангүй хэмээн урамгүйхэн бувтнаад босож домбо авч мөнгөн аяганд хярам аягалж дөхүүлэв. Сабраг аягатай хярам ховдоглон залгилж гэдрэг суугаад хутгаа гаргаж билүүдэв.

Нэмүүлэнгийн араас дүрлэгэр охины мойл хар нүд дуу цөөнтэй дүрсгэр эцгийг болгоомжлон ширтэж байна. Нэмүүлэн эр нөхрийнхөө хутга билүүдэхийг хяламхийн хараад дахиж үг хэлэлгүй ширдгээ ширэн чимээгүй болов.

Түүнийг яагаад дуугаа хурааж гунихарна вэ? гэдгийг эхнэр нь огт сонирхож анзаарахгүй байгаад улам гомдож энэ Разия лав миний хүүхэд биш байх. Түүний эцгийг санан над дургүйлхэх зан гаргав хэмээн шүд зуун бодовч тэр тухай ил гаргаж зүрхэлсэнгүй. Билүү чулуу уруу том томоор нулимж хялгас тавиад үлээсэн ч тас хяргахаар болгох гэж хүсэх мэт бөгтөгнөн хутгаа ирлэсээр байв. Тэгж тэгж сая нэг юм хутгаа ирлэж дуусаад өндийх зуураа,

-Миний цох цагаан азарга өтөлж үхэв. Өнөө өглөө дэргэд минь ирж шилгээгээд дүүхэлзэн байхаар нь эмээллэж унаад явтал Ар тормын наадтай бүдчин сөхөрч дахин боссонгүй гэж хэлбэл Нэмүүлэн өндөсхийн цомцойж.

-Хөөрхий хайран амьтан. Монголоос тууж ирсэн хэд маань шувтрах нь шив дээ. Жалайрын Тэлэнгүүд овгийн нэг хүнээс аав хурд сайтай адууны удам хэмээн авч сүрэгт тавьсан юм гэнэ билээ. Одоо манай бидэртэй бор үрээ буурал хавчиг, хээр хавчиг даага түүний удам болж байна уу даа гэж гуниглан өгүүлэв.

- Би арьсьг нь өвчье. Чи дэлгэж хатаагаарай хэмээхэд,

-Чи аваад ирсэн юм уу? гэж гайхасхийн лавлав.

-Хөл унаа минь болж олон газар нуруугаа холготол зүтгүүлж явсан юм. Үхсэн ч гэсэн ачийг нь санаж нэг удаа боловч нуруун дээр минь гараг хэмээн үүрч авчрав гэж Сабраг учирлах маягтай хэлээд гарч одов.

Сабраг зөнөж ойчсон азаргаа өвчиж, молор эрдэнэ толгойгийн нь авч эмээлж онгон явах мөхлиг тэргэнд залж гэртээ орохоор эргэхэд Нэмүүлэн ширдгээ хойш тавиад үүдэндээ гарч азарганы толгойг дүрлийн ширтэж байлаа. Түүний санчигт унжих сувдан суйх үл мэдэг цонхийх эрүүл царайг гоёх мэт хашиж улам төгсжүүлэх ажээ. Дээлийн хормойноос зүүгдэн тэнцэж ядан зогсох бүлтгэр нүдэн охиныг харахад Сабрагт жигтэй дотно үзэгдэх ба түүний төрөл садан хүмүүсийн нэгийг аргагүй санагдуулна. Гэвч энэ цоргиул хар нүд хэнийх юм бол гэж бодохоор монгол яснаас ангид харь эрийн үлдэц мөн шиг хар төрүүлэхүйц дотор бачимдан, мэсээ далайн даруй тэр гэргий хэмээн нэрлэгдэх үзэсгэлэнт эмийг хэрцгийлэн тарчилгаж ямар үнээр боловч үнэн мөнийг хэлүүлж бах таваа хангамаар санагдана. Эхнэрийнхээ дүрлийн ширтэх энхрий нүдийг үзвэл еөрийн эрхгүй уураа дарж уруулаа хазалсаар гэрийн зүг алхаж ирэв.

-Адсага зэлний цаана хэвтэнэ гэж хүйтэн царайлан дуугараад үүдээр шурган ороход Нэмүүлэн охинтойгоо гадаа үлдэв.

-Хүрээнд адуу төхөөрсөн бол энд ч нэг шүдгүй чавганц майжганан сав суулга зэхэж, тэнд ч хүүхэд багачууд хувь горьдон зогсож,нөхдийнх нь хэн нэг нь хамжилцаж яриа хөөрөө дэлгэж хөл хөөрцөг нэмэгдэхсэн билээ. Гадаа чив чимээгүй.

Сүмбэр уулын хормойд байх олон аймаг овогтон гэрлэсэн эмээ зочин гийчинд найр тавин өгч зугаацуулах муу заншилтай бөгөөтөл монгол үндэстэн дунд өөрийн эмийг хэнд ч үл эзэгнүүлэх ба хүний эмийг хатгаж садар самуун үйлдэхийг үеэс үед үл тэвчин ирсэн тул Разия охиныг самуун явдлын орхиц байж магад хэмээн эргэлзэн шаналах нь зүйрлэшгүй хүнд.

Сабраг айраг ууж суухад Нэмүүлэн адсага дэлгэж хатаагаад барлаг зарц нараа хонины бэлчээрээс ирж явна уу, үгүй юу хэмээн холын бараа ширтсээр гэртээ орж ирэв. Сабраг хүйтэн царайлан тунирхан сууна. Нэмүүлэн мөн мөчөөгөө өгөлгүй ширдгээ чимээгүй ширж хааяа хажуудаа наадах Разия охиныг эрхлүүлэх аядна. Сабраг охиныхоо тультраа яриаг сонсоод миний байсан ч яалаа, байгаагүй ч яалаа. Суу их Чингис хаан хүртэл Бөртэ хатныг мэргэдэд олзлогдоод ирэхэд Зүчи хөвгүүнийг эргэлзэн шаналсан бус уу. Би түүний дэргэд хорхой шавжийн нэгэн бус уу хэмээн өөрийгөө тайвшруулаад Нэмүүлэнг харав. Тэрбээр Сабрагийг үл анзааран хааяа гэрийн хаяагаар холын бараа ширтэн шөвөг гөөх ээлжлэн сольж гар хөдөлгөх тусам хөвсгөр цагаан эсгийд хээ угалз тодорч нүдэнд чимэгтэй болно.Нэмүүлэн ялдамхан инээмсэглэж мөрийг минь түшин суугаасай хэмээн өөрийгөө аргадуулахаар хичнээн хүсэвч, нэгэнт буцаахгүй аашилж гомдоосон тул үг өдөхөөсөө халшран ам жимийн газар ширтэнэ. Разия охиныг дуудаж хөөрье гэтэл бишүүрхэж дөлж сурсан сэтгэл уярсангүй. Хүүгээ эзгүйг үгүйлсэн Сабраг,

-Хөхтөмөр хаачсан бэ? гэж чимээгүй сууснаа гэнэт асуув.

-Хаачхав дээ! Хониндоо яваа гэв.

-Барлаг зарц мундаа юу! Юунд хүүг харийн муу улсуудтай хээр гадаа ганцаарыг явуулнам гэж зэмлэв.

- Тэд харийн хар элгийн улс боловч бидэнд үнэнч зүтгэж түшиг хань болж ирлээ. Чи юунд тэднийг нүд үзүүрлэнэ вэ гэхэд Сабрагийн уур гэнэт дүрсхийж,

-Эцгийн эзгүйд хүү эхийг цагднам буюу. Гэр оронд ганц эр хүнгүй, явуул зайдан олиггүйчүүд эргэлдэхийг чи хүсэж хүүг хээр хөдөө явуулна уу. Удахгүй хоноцын хүүхэд гэрт багтахгүй болох бий вий гэж аашлахад Нэмүүлэн цочин өндөсхийж,

- Чи юу ярина вэ! Өөрийн үрийг нүд үзүүрлэн гадуурхаж суух нүгэл бус уу. Аяа атаа таван тэнгэр минь! Гэрийн эзний минь үхааныг саруулсгаж хайрла! Би хүүгээ явуулах хэрэггүйсэн билээ. Гагцхүү чи эр хүнийг багаас нь малд ойр байлгаж ажилд нухлуулж хүн болгоно гэдэгсэн биш билүү. Чиний үгээр би хүүг хээр хонуулж өлсгөж цангааж байна хэмээн уцаарлахад Сабраг уурлаж бухимдсандаа дэмий үг хэлж харь нутагт ханьтайгаа муудалцав гэж харамсахуйд юу ч хэлсэнгүй гэрийн хаяанаас эмээлээ авч, уяанд сул зогсох үрээг эмээллэн цох цагаан азарганыхаа толгойг дүүрч, шаваг бүүргэнэ энгэрт нь цоохортож, халсан агаарт жирэлзэн үзэгдэх бор толгойг чиглэв. Толгойн өвөрт морио хантайрч орхиод энэ нутагт нүүдэллэж ирснээс хойш үе үе мөргөхөөр ирж чулуу өргөдөг овооны дэргэд очлоо.

Цох цагаан азарганыхаа молор эрдэнэ толгойг овоон дээр тахиглан хийморийн ишинд хэдэн ширхэг дэл огтолж уяв. Салхи дорноос салхилна. Бүгчим халуун салхи хийморийн тугийг үл мэдэг дэрвэгнүүлэн сэвэлзүүлнэ. Дорно зүгээс салхитайд Сабрагийн сэтгэл бага боловч хангалуун байв. Эрх биш эх орны тэнгэрийн доороос ирсэн салхи гэж тэгж таатай санагдаа биз.

Аяа салхи би чамайг шунахайран сорном. Чи сэтгэлийг тэтгэгч цэцгийн хур буюу. Анх ухаан орж хөл минь дөрөөнд хүрэх тэр цагт эрийн цээг өөрөөр төсөөлөгдөж билээ. Эрийн цээнд цээлж эцгийн заяаг мөрөөдсөн төсөөлөлд миний амьдрал хүрсэнгүй. Хүн үргэлж сэтгэл ханахгүй зовж явах амьтан уу. Эсвэл над тэнгэр бурхны таалал дутаж хишиг хүртээсэнгүй юү?

Би олзлолдон тулалдаж явна. Хэний төлөө тулалдаж явна вэ? Үр хүүхэд маань энх тунх өсөж бойжиж байхад би тэднийг юугаар дутлаа гэж хааны цэрэгт алба хааж хар хөлсөө гоожуулж ирэв. Абага хаан, Хувилай хаантанд духаа цоортол мөргөж, өвдгөө эвэрштэл сөгдөж байх үйлийн үртэй төрсөн улсууд юм уу? Тэгж зүтгээд над юу унав? Алс холын нутгаасаа авч гарсан амраг хонгорын минь сэтгэл хөрч, адуун сүргийн минь манлай болсон цох цагаан азарга минь үхэв. Удахгүй би унана. Цайран яaйрах ясаа төрсөн нутагтаа ч хаяж амжихгүй боллоо гэж үү хэмээн эргэцэхүйд далдын нэгэн бодол сэтгэлд ийн шивгэнэнэ.

— Чи суу их Чингисийн гэр бүлд зүтгэж Их монгол улсыг байгуулав. Олон хэлтэй, анги бурхантай учраа олохыг байсан улсуудыг нэгтгэлээ. Өвөр хоорондоо дайсагнан цайз хэрмэнд хоргодож, довноос цаана довгүй гэж сэтгэж, далайгаас цаана далайгүй гэж бодож байсан тэр цагт амьдрал хөгжил үхмэл намаг балчиг лугаа адил доройтож ирхүйд, монгол хүү чи хөгжлийг баригч хүлээсийг илд мэсийн хурцаар тасар татан хаяж улс түмнийг таниулж, хүн төрөлхтний оюун санааг тэлж өгсөн бус уу. Зоригт хөвгүүн чи ундрах булгийг таглах бул чулууг булчин шөрмөсийн хүчээр онги татан хаяж оргилуулан урсгасан бус уу. Жимсээ өгөхгүй харамлах үзмийн модны өлөн нахиаг ухаан санаа сийлэн, шилж голон хайчилж шим шүүсээр дүүргэж өгдөг бус уу. Чиний урсгасан хөлс, цус хүүд чинь тусахгүй гэв үү? Монгол түмэн харь иргэдийг засан төвхнүүлэхэд чиний хөвгүүнээс илүү сонирхох хэн байна. Чи өгөр ясаа нутагтаа хаяж чадахгүй гэж гунихарна уу. Бүх дэлхийн эзэн монгол бидэнд аль ч уулын энгэр энхрий бус уу. Энэ толгойн өвөрт очиж хэвтэ. Энэ чинь чиний нутаг бус уу! Үр хүүхдийн чинь төрж өссөн нутаг билээ. Цус хөлсөнд чинь дэвтсэн газар билээ. Барлаг зарц чинь иран, афган, уул ус нь фарси нэртэйгээс бус чиний байлдаж олсон нутаг билээ. Газраас нь ургах өвсийг адуу малаараа идүүлж, сүү саалиар нь ундаалж ирсэн байтлаа зүүд нойр мэт зэрэглээг эх нутгаа гэж санааширна уу гэжээ.

Гэвч түүний зүрх сэтгэлд эх орноо гэсэн булгийн тунгалаг усанд соёолон цэцэглэж байгаа эрх чөлөө хүссэн тэмцэл булаан эзлэгчийн гандсан цөлийг ногооруулан цэцэрлэгжүүлж байгааг мэдрэн ойлгох хараахан болоогүй байжээ. Дайны хар шуургыг даван гарах сэтгэлийн хүч хуралдаж байгааг өөрөө ч сайн гадарлахгүй явна. Дайныг эсэргүүцэн бодохдоо залуу зандан цаг, өнгөрсөн явдлыг санагалзан мөрөөсөж байгаа нь тэр буюу хэмээн андуурч байв.

Баянлиг баатрын хүрээнээс цэрэгт мордоход агсам морины хурдаар нэхэн ирж алчуур өгсөн хөөрхөн булбарай охины зэгзгэрхэн нуруу харагдах шиг болно. Сүн улсыг дайлаар мордох болсондоо баярлах, харамсахын хооронд тээнэгэлзэнхэн салсан Дайжушилэгтийн хагацаж ядан шилбэлзэх нүд, дөрөө шүргэм өвс ногоотой хөндий уруудан зуузай холбон шогшуулж явсан эхийнх нь дүр санаанд бууна.

Сабраг толгойн оройд элдвийг бодон гиюүрч суутал голын эрэг даган нэгэн морьтой хүн гэрт нь давхиж очив. Тэр хүн гэрт төдийлөн удсангүй гарч толгой чиглэн давхив.

Сабраг цох цагаан азарганыхаа толгойд айраг дусааж хөх тэнгэрт тахил болгон өргөж байгаагаа дуулгаад, овооноос бууж морин дээрээ ирвэл нөгөө хүн цаанаас нь мөн дөтөлж ирсэн байлаа. Тэр нь ноёны зарч түшмэл байлаа. Тэрбээр хир суусан ваадангаас тамгатай зар бичиг гаргаж хааны зарлигийг уншин сонсгоод, дараа дараагийн айлаар түргэн бушуу амжиж орохоор цааш зорив.

Зар бичигт Абага хаан өөрийн сүр сүлдээ мандуулж,энх амгалан аж төрж буй аваас авга ах Борог хааны мулгуу явуулгаас хааны албат хамжлагууд тух алдаж байх тул дайчин баатар цэрэг эрсээ нутаг нутгийн ноёны тугийн дор ирж хүчин зүтгэ гэж тушаажээ. Абага хаан өөрийн эцэг шигээ ширүүн хүн байв. Хулагуу хаан Багдад хотыг авч Мустасим халифыг олзлоход өвдөг нь чичрэн салгалах тэрхүү халиф алт мөнгө амлаж амь гуйн сөгдөхөд Хулагуу хаан түүний баян сан хөмрөгийг үзэж ийн өгүүлсэн гэдэг.

— Халиф аа! Чи ийм баян бөгөөтөл яагаад зэр зэвсэг, цэрэг эрсийг худалдан авч миний эсрэг байлдан, албат иргэдээ хамгаалсангүй вэ? Чи алт мөнгөндөө шунаг сэтгэлтэн бус уу? Тиймээс чи энд сан хөмрөгийнхөө дунд үлдсүгэй гэж хэлээд халифыг тэнд нь хааж цоожилсонд арабын аббас халиф алт мөнгө, эрдэнэсийн чулуун дунд өлбөрч нөгчсөн билээ. Абага хаан мөн өөрийн эрх ашгийн төлөө хэнийг ч хөнөөхөөс үл буцна. Сабраг хөгширч нас тогтсон байтлаа мал сүргээс холдож, дасаж ядаж байсан эхнэр хүүхдээсээ салах болж байгаад дургүйцэхийн зэрэгцээ, ам хэлээ олж цөхөн уруу царайлан суухаас зугтаж хэвшил болсон цэргийн амьдралд умбамаар ч юм шиг хоёрдмол сэтгэлд автав. Гэвч хоёр хоноод л гэр бүл болон ханилсан эм, үр хүүхдээ санаж зовиурлан шаналах болно гэдгийгээ сайн мэдэж байв.

Шаваг бударгана голлосон элсэнцэр хөрстэй худгийн ойролцоо Сабрагийн зуут хуарагнажээ. Адуу малд гишгүүлж сэртийсэн дэрс, түүний дундаас дэрхийн нисэх талын цагаан болжмороос өөр амьтан үл үзэгдэнэ. Сүүлийн үед Борог хаан, Абага хааны эсрэг цэрэг бэлтгэж тагнуул туршуул ихээхэн илгээж, ойр хавийн айл амьтныг түймээн сүйтгэх ажээ. Монголын их хаан төрсөн дүү Хувилайдаа ялагдаж, Абага, Борог, хаад нарыг захирч зохицуулах байтугай амь наана там цаана тэнгэр ууланд хоргодож байлаа. Өгөөдэйн удмын Хайду, Цагаадайн удмын Борог нар Тулуйн удмынхны будилсныг далимдуулан. Тулуйн ач Абагыг залуу гэнэн хэмээн элэг барьж их хаанд захирагдахын өмнө Борог хаанд алба барихыг нэхсэн билээ. Борог хаан улмаар залхаан цөлбөх анги гаргаж Абага хааны малчин албатыг байн байн дээрэмдэж хэрцгийлэн тарчилаах учир Дэшт Кевирийн тал нутгийг хамгаалуулахаар Нэгүүдэр ноёныг заржээ. Тэр нь Цагаадайн удмын хан хүү боловч Абага хаанд хүчин зүтгэж хааны зарлигийг чандлан биелүүлж байлаа. Гэвч түүний үүрэг хүлээх сахилга садан төрлийн холбоонд дийлэгдэн, Борог хаанд урвахыг хэн ч сэжиглээгүй байлаа.

Сабраг майхны үүдээр Гүюг уулын шовх орой хөхрөн харагдахыг ажна. Тэр уулын суга жалгаас салхи мэт довтолгох овжин шалмаг баатар эр давшин ирж, ар хударгаар нь ороож хамар доор нь айл амьтан талж ,авгай хүүхдийг сүйдлээд, эд мөнгийг олзолж, адуу малыг нь тууж оддог байж. Тэр сүрхий эрийг Галзуу хар баатар хэмээн балмагдаж доромжлуулсан нутгийн хүн ам сүрдэн нэрлэх ажээ. Хажууд нь бараадан хөврөлдөх өлөн нүдэт тажиг цэргүүд омог хар ихтэй, өчүүхэн сэжиг авбал айл амьтныг тэр чигээр нь баллаж хүйс тэмтрэхээс эс буцна.

Сабраг хэд дахин мэдээ сэлт авч дээрэм тонуулд өртөж буй айл уруу давхин ирсэн боловч шатаж үнс болсон буурь, гүзээгийн нь яраад хаячихсан малын сэгтэй таардаг байв. Сабраг тэр зальтай зоримог дээрэмчнийг яаж барихаа бодож цаг хугацаа үлэмж идэх боловч ямар ч тодорхой арга олж барсангүй. Элсэн говьд ангаж цангаад гэнэт ирж магад хэмээн булаг сахиж дэмий л хүлээх боловч тэдний энд отож байгааг аль эрт сураг дуулж мэдсэн бололтой бараа нь ч үзэгдэхгүй хэд хонов.

Халууны цэг туйлдаа хүрч хамаг орчлон халуу шатаж, шар талаас хиншүү үнэртэх шиг болсноо нар гудайх үед аажмаар эрч нь алдарч хуурай талын дээгүүр бүгчим салхи үлээх аядна. Нар доошилсоор шар талын зах дээр шингэв. Дэрс сондуулын сүүдэр уртассаар дэлхий ертөнц бүрэнхий сүүдэрт хучигдав. Цэргүүд гал түлж. цай хоолоо чанаж элдэв сониныг хаман шимэн ярилцацгааж инээж ханиацгаана. Сабраг үүр шөнийн зааг, үдэш бүрэнхүйн зааг дээр тус тус хоол цай чанаж гал галлахыг цэргүүддээ зөвшөөрдөг байв. Эс тэгвэл галын утаа холоос харагдана. Оройн сэрүүнээр бие сэтгэл сэргэж гал хааж тойрон суух зөв. Сабраг ч бас тэр мөчид сая сэрсэн мэт цэргүүдтэйгээ хэдэн үг солилцоно.

Сабраг баригдашгүй эрийг гартаа оруулахын тулд Жүвэйн хөх уулын сахиусанд хэрэг явдлаа даатгахаар шийдэж ариун гал өрдөж, хар багын цээжилсэн бөөгийн мөргөл гувтнэн уншив.

Хүрэл чулуун зүрхтэй, хүний махан хүнстэй... хэмээн дуудаж байхад цагаан гэгээ тасарч эргэн тойрон хөхрөн бараантаж эхлэв.

Цэргүүд ариун галыг тойрон сууж, хөх тэнгэр өөд улалзан одох очийг бишрэн ширтэцгээнэ. Сабраг нижгээд боорцог, өөх тос бэлдсэнийгээ дэс дараалан авч галд өргөхөд хиншүү хярвас үнэртэн шаржигнан хайлж огторгуйд хөөрөн, өвөг дээдсийн сүнсийг тахиглаж буй нь тэр буюу.

Ингэж байтал бударгана шарилж ургасан ухаа гүвээний цаадах сайрнаас гэнэт морин төвөргөөн сонстож, хүн гуугалах чимээ бүүр түүрхэн гарсан нь гал ширтэн чимээ аниргүй суугсдыг хиртхийлгэн цочоов. Цэргүүд босон харайлдав. Мориндоо гүйлдэн хүрч хоромхон зуур нумаа агсаж майхны араар жагсаж бэлэн болов. Сабраг цэргүүдийг дор дороо зогсохыг захираад чимээ чагнан гилжийн суув. Хатсан шавартай сайрнаас гарах дуу намд намдсаар салхинд цохигдон гуйвчин алга болов. Юун улс байсныг мэдсэнгүй. Гувээний цаанаас тоос нь ч харагдсангүй. Цэргүүд дуу чимээ тасарсан зүг давшихаар тогтож ядан тэмүүлнэ.

Сабраг хашир зааж тэднийг тавилгүй барьж байв. Дайсны цэргүүд худал үймүүлж хойноосоо даллан хол аваачиж гацаанд оруулах, эсвэл ар хударгаар нь худаг эзэлж унаа морио ундлаад бузарлаж орхих магад тул иймэрхүү хатгалгын улыг лавтай олж, суурьтай хөдлөхгүй бол алдаж болохыг туршлагаасаа санав. Цэргүүд дарангуйлагчийнхаа хөдлөхгүй илт эргэлзэж байгааг үзээд.

-Тэнгэр бурхан тахил тавилгыг зооглож соёрхол хайрлав. Дайсны цэргийг бидний аманд авчирч хийв хэмээн ам амандаа шуугилдахад Сабраг ийн өгүүлрүүн,

- Мориноосоо бууцгаа! Явган харуул нэмж гарга! Хүрээг нүд цавчилгүй мана! Шөнө орой тэдний хойноос хөөцөлдвөл аюулд учирч магад. Өглөө болтол азнаж хүлээе. Унаа зэвсгээ бэлтгэ гээд мөргөлөө үргэлжлүүлэн гэдрэг сууж галд тос өргөж тусгай бэлдсэн хонины дал галд шатааж зураг зохиолоо үзэхээр болов.

Далны толион дээр илэрсэн цав ойлгомж муутай гарчээ. Сабраг хараад хараад учрыг олсонгүй. Зуутын хамгийн туршлагатай гэгдэх бабуур омгийн хөгшин цэрэгт далны ясыг өгвөл тэрээр үрчлээтэй нүдээ онийлгон, шатаж цав гарсан зургийг ажиглаад духаа атируулан бодол болж,

- Дарангуйлагч чи төрөл садантайгаа учрах бус уу? Энэ хоёр зураас нийлж байна. Энд битүүрчээ хэмээн далны сэртэнг хир даг болж эвэршсэн бүдүүн хуруугаар чичиж — Үхэл! Тэгэхдээ маных биш юм аа. Чи дайсны явдлыг үзсэн биз? Дайсны үхэл гашуудал ихтэй харагдах юм. Би учрыг эс олно гээд хажуу дахь хүндээ үзүүлээд мөрөө хавчин бодлогоширч Сабраг өөд гайхашран харав. Сабраг тэр далыг эргүүлж тойруулан үзэж байгаад бяцалж хаяв. Ингээд босож өөрөө тэргүүлэн цэргүүдийг хоёр галын хоорондуур гаргаж цөмийг цэвэршүүлж, нүглийг ариутгаж, сүүжинд хүйт оргин зовуурлах сүнсээ тэнгэрт даатгаж, цээжинд булгилах зүрхийг илд бамбайдаа даатгав.

Өглөөгүүр Сабраг майхнаас гарч талд мандах нарыг сониучирхан харан зогсохуйд давжаа биетэй залуухан цэрэг сэргэлэн төрхийн нүдээ зуутын даргад тусгаж зүүн урд зүг хичээнгүйлэн ширтэхийг анзаарав. Сабраг тэр цэргийн харсан зүг харц шилжүүлвээс улаан элсэн толгодын дундаас шингэн цагаан утаа олгойдож байхыг үзэв. Хар нөмрөгт хилэн хар баатар тэнгэрт дүүлэх шиг, шингэн цагаан утаан дундаас өтгөн хар утаа үе үе хаялан багшрах нь далайн аварга наймаалж өнгөө хувилгах мэт. Харуулын цэргүүд тэр утааг бас анзаарч түгшүүр зарлаж шуугилдав.

Хээр морины түүрайгаар цагаан элс цацагдаж араас дагах туг баригчийг булна. Тугч үүнд дассан шинжтэй амаа тас жимийн гилжийсхийж урагш тэмүүлнэ. Зурвас ногоон эмжээртэй хужир марз ургасан хонхор цонхор гэтлэн гарах бүрийд агаарт шорвог амттай цагаан тоос пургин босно.

Зуут цэрэг утаагаар баримжаа хийн давхисаар намхан гүвээн дээр гарч ирвэл цагаан тоосгон балгас үзэгдэх бөгөөд түүний тушаа дэрсэн хоолойд утаа савсаж байв ойр хавьд нь хүн амьтны бараа алга. Тэд энэхүү эзгүй хээр асах галыг гайхан ажигласаар дөхөж очвол хуучин айл хаваржаад нүүж орхисон бууцан дээр аргал хөрзөн овоолж гал түлсэн байлаа. Цэргүүд айлын хоосон буурь хавиар нааш цааш холхиж учрыг олох санаатай мөр харж шуугилдаж байтал эвдэрхий балгасны нурж унасан булангаас нижгээд морьтон гарч тэдний зүг муу үгээр харааж тавлаад, бах нь ханав бололтой тачигнатал хөхрөлдөж, чанга чанга гуугалсаар цэнхэрлэн харагдах зэрэглээн дунд цэргүүдийг урин дуудан далд оров.

Сабраг ов мэхэнд автаж гэнэ алдсанаа сая ойлгож, тэдгээр цэргүүдийн хойноос нэхсэнгүй харин яаран худаг тийш эргэж давхив. Тэднийг хатсан сайр чулуун дундуур гаталж худгийн өмнө орших гүдгэр дээр гарахад хүрээнд орхисон майхан сав ундуй сундуй хөглөрч, хүрээний баруун захаас түймэр идэж өтгөн хар утаа олгойдож харагдав.

Худгийг том том бул чулуугаар дүүргэж таглажээ. Ачлагынх нь хэдэн тэмээний гэдсийг хүүлж хаясан нь нүд хальтрам. Хаанаас ч юм бэ, нисэж ирсэн тас шувуу сэгэн дээр нь овооролдож, нэвсгэр хар далавчаа дэлгэн оцгонон дэгдэж, нэг нэгийгээ хөөж хажиглах нь тун ч зэвүүн санагдана. Цэргүүд навтас гудас, эмээлийн тохом гарт юу дайралдсанаа шүүрэн гал цохив.

Сабраг мэхлэгдэж худгаа алдсандаа бухимдан, унасан майхнаа өргөж дотогш шагайвал кипр цэмбэн цув, аяны ширээ алга болсон байв. Тулганых нь хавиргыг өшиглөж бөөрийг нь муруйлгаад хоймор уруу өнхрүүлсэн байлаа. Голомтон дээр нь түрэг маягийн палбигар ширмэл ултай гутлын мөр тодхон дурайж харагдана. «Ямар эр майханд минь туйлсан юм бол» гэж бодох хооронд,

— Дарангуйлагч аа! Хойд хонхорт манайхан байна хэмээн сандран хашгирах дуулдав. Сая тэгэхэд энд үлдсэн харуул манаа, агтач, буурч, саадагч нар алга байгааг анзаарав.

Бархирсан зүг явж очвол энгэр заам нь ярагдаж, хувцас хунартаа орооцолдож хуйларсан арваад хүнийг давхарлан овоолж хаясан байлаа. Тэр овоолгон дотроос цухуйж байгаа ногоон өмдтэй нүцгэн хөл чухам хэнийх нь сайн ялгагдахгүй эвгүй нугаларах тул Сабрагийн харцыг татав. Хөхөрсөн хумсан дээр нь батгана шавна. Одоохон хуруугаа хөдөлгөж ялаа үргээх юм шиг санагдавч огт хөдөлгөөнгүй.

Аяа хөх тэнгэр! Борог хааны тажигууд галзуурсан бус уу? Эдний муусайн хөвгүүдийг хүйс тэмтрэх ямар хэрэг байна гэж Керман нутгийн иран залуу хажууд нь дуу алдахад бусад цэргүүд,

- Дарангуйлагч аа! Мордъё. Тэдний хойноос нэхэж нэгийг үзсүгэй! хэмээн шавдуулаа.

Одоогоор тэдгээр хэрцгий дайчдыг нэхээд амжилт олохгүй харин бүр ч хэцүү занганд унаж мэдэх тул Сабраг сүрхий болгоомжилж,

- Цэргүүд ээ! Миний үгийг сонсогтун! Бид одоо хүрээгээ буулгаж гэдрэг Нэгүүдэр ноёны тугийн доор одъё. Тэндээс хүч зузаалж Галзуу хар баатрыг барьж заавал цовдлохыг андгайлан тангараглая гэв. Тэд хүрээг буулгаж Нэгүүдэр ноёны ордонд ирэв. Эрээн мяраан асар майхан хөндий дүүрэн алаглана хавь ойр нь адуу мал налайж, гүү барьсан айлууд урд уулынх нь хормойд цайран ярайж, нааш цааш сэлгүүцсэн морьтой явган ноёд дархтан нар, тэдний хиа бараа бологч хээнцэр ганган нөхөд, шадар цэргүүд хэрэг явдлаа гүйцэлдүүлэхээр нааш цааш хөлхөлдөх нь учир тоймгүй.

Хэвтүүл дээр ирж Нэгүүдэр ноёнд бараалхахыг хэлэхэд эзгүй байхад ньтаарчээ. Нэгүүдэр ноён Абага хааны ордонд дуудагдан Султанбалиг хотод одсон байв. Өрлөг туслах Төмөрбулаг. Тарагтай ноёдод болсон явдлыг уламжилбаас Төмөрбулаг ноён ихэд хилэгнэж Сабрагийг өргөөндөө дуудав. Оонын арьсан дээр хэвтэх өөхөлж онийсон нүдтэй эр хичээнгүйлэн сөгдөх зуутын даргыг сэтгэл дундуур басамжлангуй харж,

-Чи харуул орхиж юунд ирэв? гэж ширүүхэн асуув.

- Ноёнтон би харуулд гараагүйсэн билээ. Нэгүүдэр ноён над Галзуу хар баатрын дээрэм тонуулыг зогсоох зарлиг буулгасан юм. Гэвч би түүнийг зогсоож үл чадна. Харин хайран цэргүүдээ алдав. Та миний толгойг ав. Би тэр баатрыг торгоож дийлэхгүй гэдгээ зөнгөөрөө мэдэв. Миний ухаан доройтож, шандас шөрмөс минь харьжээ. Иймд өөр хүн явуулж тэр дээрэмчнийг баригтун. Эсвэл хоёр зуут нэмж өгтүгэй хэмээн өчив. Тэдний яриаг чагнаж суусан Тарагтай ноён энэ үгийг сонсмогц дургүйлхэж хөмсөг зангидаж,

-Үгүй хөөе хараач! Тэнгэрийн гаралтай тайж хүний өөдөөс аймшиггүй, мөчөөрхөхийг хараач! Зоригт баатар эр чи Борог хааны муу дээрэмчнийг эс бариваас хэн оронд чинь явж барих болж байна. Төмөрбулаг бид хоёр хамуутай даага унаад Дэшт Кевирийн цөлөөр тэнэх хэрэг гарах нь уу? гэв. Төмөрбулаг ноён царайгаа барайлган,

- Би өдий олон жил хаан төрдөө зүтгэхэд ноёны зарлиг нуга дарж шаравдаг дарангуйлагчтай нэг ч учирч явсангүй. Энэ этгээдийг яаж шийтгэх вэ? Нэгүүдэр ноёныг иртэл чамайг хар гэрт хорьж цагдсугай. Тэр ирээд өөрөө шийтгэнэ биз гэв. Гаднаас орж ирсэн хиа Тарагтай ноёнд ийн айлтгав.

- Ноёнтон! Борог хааны тэндээс туршуул ирэв.

- Тийм тийм. Түүнийг оруул. Наад дарангуйлагчийг хар гэрт аваачиж хорь гэж Тарагтай ноён Сабрагаас салахыг яарав. Сабраг тийнхүү хар гэрт хоригдон унтаж байтал шөнө нь гэнэт сэрээж Тарагтай ноёны гэрт дуудав. Гадаа таг харанхуй зузаан үүл од мичдийг халхална. Хааяа чийгтэй нойтон салхи салхилахад дулаан адсаганаас боссон биеийг зарайлгаж голоор хүйт даана. Энэ мөчид Сабраг алдсан цуваа өөрийн эрхгүй санаж, шилээ хавчин дагжсаар Тарагтай ноёны өргөөнд оров. Тарагтай ноён түүнийг ороход үүрэглэх мэт занхайн сууснаа ийн өгүүлрүүн,

- Зоригт эр чи сонс! Чи дэмий үг хэлж энд ирэв. Нэгүүдэр ноёноос чи ганц залхаал хүртэнэ. Энэ бол зарлиг үл биелүүлэгч хулчгар этгээдийг цаазлан шийтгэдэг ёсоор нурууг чинь хугална. Иймд миний зарлигийг сонс. Одоохон хөдөлж шөнөдөө багтан Жүмэн хөндийг отож надад Галзуу хар баатрыг авчирч тушаа! Цэргүүд чинь Касим ноёны хүрээнд хүлээж байгаа. Тэндээс бас чамд туслахаар зуутууд хөдөлнө. Чи ерөнхийд нь захирагтун.

- Тэр дээрэмчин Жүмэн хөндийгөер өнгөрөхгүй бол яах вэ? Тарагтай ноён дэнгийн гэрэл тусах Сабрагийн эргэлзсэн царайг тайван ширтэж,

- Ирнэ. Ирэх л болно доо гэж хэлээд инээмсэглэснээ — Итгэлтэй туршуул мэдээлсэн юм. Ирнэ гэж итгэлтэй хэлэв.

Сабраг сөгдөн ёслоод гарахаар завдав. Түүний хойноос,

- Сабраг! Галзуу хар баатрыг нэг бол авчир, нэг бол тэнд нь хороо! Би чиний хойноос Гөлтгөнө баатрын эргүүлийн багуудыг илгээж зарлиг хэр биелүүлснээ шалгуулна гэж Тарагтай ноёны харанхуй мухраас хэлэх нь бүдэг дуулдана.

Сабраг гарч, хамт ирсэн хуяг цэргийг дагуулан Нэгүүдэр ноёны өргөн уудам хүрээний зүүн урд этгээдэд бараантан харагдах Касим ноёны шивээг чиглэн зарлиг биелүүлэхээр яарч, харанхуйд уусан алга болов.


Top
   
PostPosted: Oct.22.15 12:30 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин зургадугаар бүлэг

Ханбалиг хотын хэрмийн хаалган доогуур шурган ороход, бүдүүн төмөр хадаас иржийтэл хадаж бөхөлсөн зузаан хаалганы дэргэд жад тулан зогсох хэвтүүл цэрэг Дайжүшилэгтийг сэжиглэнгүй харсан боловч зогсоосонгүй. Их хааны нутагт гагцхүү Шандуу, Ханбалиг хотын ойр орчинд хэвтүүлүүд харуулд гардаг болой. Бусад газар энгийн цэрэг, жич морин цэрэг ээлжлэн харуулд гарна. Таншуул цэрэг,хятад хороо харуулд гаргахыг үл зүрхэлнэ.

Дайжушилэгт явган хүний хавтан замын хоорондуур тусгайлан гаргасан морин зам даган, нарийн ширхэгтэй саарал хайрга ширжигнүүлэн цогиулсаар Дэвшүүлэн бууруулах яамыг чиглэв. Шинэхэн байгуулагдсан энэ яам Хувилай хааны ордны өмнө этгээд битүү хулсан шугуйт хиймэл нуураар хүрээлэгдсэн аралд оршино.

Хотын нуур цөөрөмд тайван хөвөх хун шувуу, алган загаснаас бусад хүн тоотонгууд алба ихтэй яарангуй нь илэрхий. Хувилай хаан зуныхаа ордонд саатаж ан ав хийж сэтгэлээ зугаацуулаад саяхан эргэж ирсэн тул ийнхүү хөл хөөрцөг ихсэж, яамдын ажил буцалж буй ажээ.

Улаан хашлагатай гантиг чулуун гүүрээр хааны албанд зүтгэх олон хэлийн ноёд түшмэд өөд сөөргөө холхилдох ажээ. Дайжушилэгт морины уяан тус унаагаа орхив. Дээл хувцасныхаа тоосыг гүвсээр Дэвшүүлэн бууруулах яамны төв хаалга өөд майжганан алхав. Түүний таргалж лаглайсан биеийг нумлан нахилзах хөл нь арай ядан тээсээр, луу могой зангидаж Мян газрын Ангкор хотын дуганы; дуурайлгаж урласан өргөн шатаар өгсөв.

Түүнийг далайн цэргийн хэргийг захирах түшмэл Ихэтөмөр ноён хүлээж байлаа. Дайжүшилэгт амьсгаа даран сэм гишгэсээр босго хөндөхгүйг хичээн хөлөө дээр өргөн бүрэнхий өрөөнд орж тэртээ мухарт байх зандан ширээний өмнө сөхрөв. Ихэтөмөр ноён Хувилай хааны хүү Чимкэм хааны шууд удирдлага дор далайн цаадах мянган арлыг эзэгнэн төвхнүүлэх хэргийг хариуцах ажээ. Харанхуйвтар байшинд суусаар чилээрхсэн ноёны ухаалаг туранхай царай нь цонхийн цайж ядрангүй шинжтэй харагдана. Уншиж буй бичгээ хойш тавьж алгаараа чилсэн нүдээ илж ийн асуув.

- Алдар тань хэн бэ?

- Сяньянин чиг байлдаж байгаа Баян жанжны тугийн дор багтах Түмэн-Өлзий ноёны зуутын дарга Баянлиг баатрын хүү Дайжушилэгт их түшмэл таны дуудсанаар гэгээн нүүрийн тань өмнө бараалхаж ирлээ.

- За Дайжушилэгт чи миний үгийг хичээнгүйлэн сонс! Чи далайн цаадах Жибин арлын татварлах сангийн түшмэлийг хамгаалах даргачаар дэвшиж байна. Хувилай хааны ялагдашгүй баатрууд Чин далайг гаталж Жибиний Сюсен сейдон нарыг сөхрүүлэн буулгаж авахаар бэлтгэж байгаа билээ. Тэр цагт Жибиний самурай нарт алба тулгаж татвар гувчих тул даргач суулгана. Шалгалт давах хэрэгтэй. Чи язгуур сайтай хүний үр сад юм. Удам судрын талаар ярих юм алга. Шалгалт давах хэрэгтэй гэв.

Дайжушилэгт шалгалт өгөөд нар жаргаж байхад Дэвшүүлэн бууруулах яамнаас гарч догдолсон сэтгэлээ дарахаар хотын гудамжаар сэлгүүцэн зах зээлээр орж эд бараа сонирхон гэлдэрсээр харь газраас их хаанд бараалхахаар ирсэн элч төлөөлөгчдийн зургийг зурж өлгөсөн сонин мэдээтэй хана даган явжээ. Орой хэр Шар мөрний суваг дээрх хоёр давхар буурчийн газар хүрч хоноглов.

Өглөөгүүр түүнийг Ихэтөмөр ноёнд бараалхаж ороход Жибин арлын даргачаар тохоосон зарлиг гарсан байлаа. Дайжушилэгтийн сэтгэл их л тэнийж өөрийгөө магтахын сайнаар тэргүүлэн өргөмжилж, Хувилай хааны дор ноён хүний хүрэм авах ёслолд оролцохоор хүлээв. Тогтоосон цагт Хувилай хааны ордны баруун хаалган дээр очвоос хишигтэн цэргүүд дээл хувцсыг нэгжиж, сэлэм хутгыг хурааж, өөрийнх нь хувцсыг тайчуулж, танан товчтой тэнгэрийн хөх өнгэтэй торгон дээл өмсгөж, их хааны өргөөнд морилохдоо босгонд хүрч болохгүйг онцгойлон сануулав.

Зүүн хаалгаар гаднын гийчин зочид морилон орно. Хааны ордны сүрлэг сайханд автагдан биеэ барьж сандарсан зарим нь босгонд хөлөө хүргэвэл тусгайлан түүнийг хянаж зогсох хишигтнүүд тэр дор нь бүтэл муутай хөөрхийг барьж одох бөгөөд, бодвол залхааж цээрлүүлдэг биз ээ. Ордонд таатай сэруүхэн байна. Нижгээд мянган хүн морилон орсон боловч тэдний дуу шуугиан сэтгэл үл түгшээнэ. Ордны язгууртан, ихэс дээдэс хажуугийн жижиг өрөөнөөс гарч өөр өөрийн хүлээсэн үүргийг гүйцэлдүүлэн нааш цааш зөөлхөн алхан өлхөлдөж. ач холбогдол багатай ганган хээнцэр яриа дэлгэцгээж байна.

Дайжушилэгт хаана очиж юу хийхээ мэдэхгүй зогстол гантиг чулуун шалан дээгүүр ордны тайган гулгах мэт дөтөлж ноёны хүрэм хүртэгчид баруун талын ширээнд сууцгаа, гадны элч төлөөлөгчид зүүн талд буй шаазан суудалд суугтун гэж хэлэв. Дайжушилэгт баруун хананд олон эгнээ зассан зандан ширээний арын олбог дээр суун завдтал,

- Далай их хаан Хубилай ширээндээ заларлаа. Бишрэгтүн! Сөгдөгтүн! хэмээн луу зангидсан алтан бүстэй дээл өмсөж, булган малгайдаа гургуулын гурван өд хатгасан богино ханцуйт улаан хүрэмтэй аягачийг сүрлэг дуугаар зарлахад бүгдээр намсхийн сөгдлөө. Дайжушилэгтийг өндийхөд өндөр индэрт зассан зааны ясан тоногтой хар зандан жаазаар бөгжилсөн чулуун ширээнд кашмир ноосон даавуугаар оёсон шүрэн товчтой дээл өмссөн чилгэр нуруутай ахимаг насны хүн заларсан байхыг узэв.

Тэр онигордуу сэргэлэн бор нүдээрээ ордон доторхыг нэвт шувт ширтэн хараад хажуугийнхаа шадар тушмэл чинсан нарт үл мэдэг тэргүүнээ дохив. Их хааны өмссөн хувцас ордонд байгсдын дотор хамгийн энгийн даруу харагдавч тэр хувцас эдлэл ямар үнээр олдсон бэ гэдгийг тооцвол санаанд ч багтамгүй. Ширээн доогуур харагдах гутлынх нь хоншоорт суулгасан хоёр болор нүд гурван түмэн цэргийн амьтай тэнцнэм билээ,

Хувилай хаан бурхан тэнгэртээ тахил өргөн ёслоод их хааны албанд тэнцсэн түшмэдийг шагнаж хүрэм тарааж өгөв. Элгэндээ луу хөвөх булга минжин захтай янз бүрийн өнгөтэй хүрэм өмссөн шинэхэн түшмэдуүд сэтгэл хөдлөн биеэ барьж дээгүүр харан төлөвхөн сууцгаана. Дайжушилэгт ч тэднийг дагаж биеэ барьж их л намбатай суув.

Дараа нь Хувилай хаан далайн тэртээгээс хүрэлцэн ирсэн элч төлөөлөгчтэй хэлмэрчээр дамжуулан ярьж өөрийг нь тойрон хүрээлэх лам, хар шар лам гэлэнгүүдээс энэ тэрийг лавлаж зөвлөх ажээ. Улсын багш Пагва лам тэдний дундаас гоцлон ярилцаж харагдана. Өнгөт нүдтэн, хөх арьстан, бужгар үстэнгүүд ээлж дараагаар хааны өмнө сөгдөн өөр өөрийн хүслээ айлтгаж, хаанд түм бум наслахыг ерөөгөөд бэлэг сэлт өргөн барьж байв.

Хувилай хааны зарлигаар өмнөх ширээн дээр өрсөн үзэм жимс, айраг дарс зооглож, мах тосноос цадтал хүртэж цайлав. Ордны хөгжимчид найраг сайхан ая барьж урам зоригийг бадраана. Нэг мэдэхэд орой болсон байлаа Цаг ингэж мэдэгдэлгүй хурдан өнгөрөхийг урьд нь ажиглаагүй билээ. Үзтэл хааны цайллага зүйрлэшгүй төгөлдөр болсон нь илэрхий буйзаа.

Дайжушилэгт түшмэл хэргэмтэй болоод Ханбалигаас Ханжоу хотод ирэв. Энд Жибин аралд буулгах цэрэг онгоцыг бэлдэж байлаа. Хотын төвд түрж орсон далайн буланд дөрвөн зуун цэрэг нэг мөр багтаагаад явах даацтай том том дарвуулт хөлгүүд эгнэн шавсан байлаа. Тэнд монгол цэрэг дарга, ноёд зайгүй хөлхөлдөх ажээ.

Ханжоу хот эртний барилга, хөшөө дурсгал элбэгтэй үзэсгэлэнтэй хотын нэгэн билээ. Уд модны цэцэрлэгт умбасан олон сайхан гүүр, сүм хийдээрээ гайхуулах энэхүү хотод амрах нь үнэхээрийн жаргал. Гагцхүү хотын үндсэн иргэд болох нанхиад загасчид, чулуучин, гар урчууд хотын захаар багшралдан шавах навтгар байшиндаа бүгж, монголын дайчдаас болгоомжлон дөлөх нь сэтгэлд тавгүй. Дарвуулт хөлөг засварлагч хятад усан цэргүүд өнгөн дээрээ монголчуудтай найрсаг байхыг хичээх авч цаанаа үзтэл ёозгүй хүйтэн царайлна. Дайжүшилэгт Ханжоу хотод удаагүй байтал аян дайны бэлтгэл бэлэн болж, Хувилай хааны дөчин мянган цэ- рэг далайд гарав. Тэдэнтэй нийлээд Солонгосоос наян мянган цэрэг бүхий хөлөг онгоцны цуваа Такасима арлыг чиглэн хөвжээ.

Дайжүшилэгт онгоцны цувааны төвд хөвөх гурван шурагтай, давхарлаг тавцантай том хөлгийн багт багтан их жанжин ноёдын хамт аялан явна. Онгоцны тавцан дээрээс хойш урагш өлийн харавч цувааны эцэс төгсгөл үл үзэгдэнэ. Ингээд Жибиний Сенгүн нарыг хэмх хамх цохиж, нар мандахад анх гэгээ үзэгч Луу арлын иргэдийг Хувилай хааны эзэмшилд нэгтгэн төвхнүүлж дорнодоос өрнөд хүртэлх хязгааргүй их далайн дунд орших хүн ба адгуус төрөлхтний өлгий болсон орчлон ертөнцийг нэг эзний бат атганд багтаах эцсийн дайнд оролцохоор Дайжушилэгт итгэл төгс хөвж явна. Энэ бор хорвоод цааш нь эзлээд байх нутаг ч үлдсэнгүй. Адуу мал бэлчээж болох бүх нутаг монгол ноёдын гарт орсон байлаа. Одоо урд зүгт Бангал,Индонез газрын өтгөн ногоон шугуйд амь зуугч жижиг вангуудыг эс тооцвол мөнх тэнгэрийн хүчин дор дэлхий ертөнц монгол морьдын туурайд гишгүүлж гүйцжээ.

Гарт хулсан гуалингийн гилчгэр гадарга баригдана. Дайжушилэгт онгоцны хошуунд хашлага түшин урагш харан зогсож, цагаан хөөс татсан далайн ногоовтор давалгаанаас мөнгөлөг өнгөт загас үсрэн гарч, салхины аясаар салбалзан нисэхийг сонирхон ажиглана. Уснаас давс, замаг үнэртэж байна. Аригбөх хааны цэргийг үлдэн хөөж явахад Увс нуурын эрэгт байсан нь санагдана. Аавыг нь дагаад дүрвэж гүйсэн авгай хүүхэд нь буцаж ирсэн эсэхийг үл мэднэ. Аригбөх хаан бууж Хувилай хааны ордонд ирэхэд, Мөнх хаанд үнэнч явсан ноёд өршөөгдөн ял хэлтэрсэн явдал Дайжушилэгтийн дэвшихэд түлхэц болсон болов уу. Аригбөх хааны явдал мартагдаж уучлагджээ. Харин ард албатын хувь тавилан яасан бол?

Далайн давалгааны хоорондуур салбалзан нисэх загас нэг үзэхэд ихээхэн ид чадалтай мэт. Дайжушилэгтэд далавч өгвөл давалгаалан хөдөлж байгаа усны хоорондуур арай ингэж биеэ залан мурилзан нисэж чадахгүйсэн. Гэвч тэр ухаан муут загас замд нь ус гоожуулан данхалзан хөндөлсөх аварга том хөлгийг үл ажиглан хар эрчээрээ ирж мөргөх бөлгөө. Заяа муут ард албат энэ мэт бус уу?

Түүний хажууд хоёр хятад дарвуулчин өмдөө шуумаглан шуусан нүцгэн хөлөөр онгоцны тавцан дээр элбэг байх хөндлөвч мод уруу жийж дарвуулын бааданг тэгшлэхийг оролдож байна. Тэдний цаана онгоцны даргач ахмад нанхиадаар хашгирч заавардана. Монгол хүнд учир нь олдох юм биш. Иймд монгол цэргийн ноёд онгоц дээр хийх юмгүйгээс дэмий хөлхөлдөж усан цэргүүдэд тээг садаа болох боловч нанхиад даргач тэдэнд уцаарлах зүрх арай үл хүрнэ.

Дайжушилэгт ийнхүү бодлогошрон гиюүрч, энэ тэрийг ажиглан зогсоход давирхайтай олсонд холгогдсон бүдүүн шураг багана далайн давалгааны аясаар ёолон гинших мэт чихран шажигнах нь чихэнд чийртэй.

Далай тогтуун байлаа. Далайн мандал, зах хязгаарт манантах зурвас дээр өглөөгүүр шар туяа цацарч байснаа дарвуул дээр тусаж, улаан өнгөөр тодорч аажмаар бүх дэлхий хөх цэнхэр өнгөөр гялбан туяарч шинэ өдөр ирнэ. Орой болж нар жаргахад далайн зах улайран байснаа гэнэт ангалд унах мэт тэнгэр харлаж од мичид түгнэ. Хөлөг онгоцууд гинжлэн цуварч, маргааш өглөө далайн мандалд нартай золгохоор чихран хяхатнан дорно зүг хөвсөөр байв. Зургаан хоног хөвөв. Амжиж гэмээж нь маргааш өдрийн үдэд Тин фу буюу Мянган луугийн арал хүрч Жибиний Сенгүнийг уулгалан довтлох ёстой болжээ. Жибин гэж ямаршуу арал болохыг Дайжушилэгт бодоод бодоод сэтгэлдээ төсөөлж чадахгүй л байв. Түүний нүдэнд саглагар ногоон ойгоор хучигдсан, манан татсан өндөр ханан хад төсөөлөгдөнө. Онгоц шууд очоод тулж зогсоход бугуйл цалам хаяж бүдүүн модны гишүү мөчир дамжин хуурай газар гарна гэж сэтгэнэ. Жинхэнэ хэрэг дээрээ бол арай ч ингэхгүй гэдгийг ухаарч байв. Юуны тулд үлээх тулам, сал завь авч яваасан билээ. Далайн эрэг хайр чулуурхаг гэж сааралтан униартах булан тохойд зангуу хаяж зогсоод мянган сал, түмэн тулам унаж эрэг өөд хөвөх сургууль өчнөөн төчнөөн хийсэн биш билүү!

Оройхон нь тэнгэр бүүдийж салхи тавив. Далайн жижиг дусал салхины аясаар хийсэн жихүүцүүлэх тул тавцангийн дорх чингэлэг өрөөндөө орж, дүүжин орон дээр хэвтэн бүүвэйлэгдэн байтал нойрсож орхисон байлаа,

Шөнө дунд онгоц хүчтзй далбилзаж, толгой дээр хүмүүсийн сандран гүйлдэх чимээгээр сэрэв. Дайжушилэгт усан онгоцыг ингэж сүрхий далбилздагийг төсөөлөөч үгүй байжээ. Дүүжин орноос үсрэн буутал түүнийг тонгорцоглож унатал түлхэж, сул гулсах авдар савны хамт хаман өрөөний мухарт чигжиж орхив. Шалны банз ханалан босож ирэв. Онгоц маань арай хөмөрчихөөгүй байгаа гэж сэтгэхүйд ашгүй аажмаар хэвийн байдалд оров. Дайжушилэгт зэвсгийн авдрыг түлхэн зайлуулж бостол шал тэр чигээрээ хазайсаар нөгөө тийшээ налж эхлэв. Жижиг үүдийг салам татан нээж хөл нүцгэн чигээрээ хонгилд гарвал хөө тортог болсон адарт бэхэлсэн дэнлүүний бүүдгэр гэрэлд ус нэлийн урсах нь харагдаж байлаа. Хажуугаар тэмтчин харайж яваа хүний дээлнээс зууран зогсоовол нүдний зовхи өргөгдөж, царай нь хувхай цайсан урианхай баатар Хар хүч байлаа. Гаднаас хүрхрэн шуугих усны чимээг дарах санаатай,

-Юу болов? Хар хүч баатар аа! гэж хашгирвал тэр баатар аймшигтайяа ярвайн инээмсэглэж,

-Далайн хар салхи! Манай говийнхноор бол угалзан салхи байна. Цаад мангуу нанхиадууд чинь хэргээр биднийг хар салхины үүд уруу оруулав. Тойроод гарах байсан юм. Одоо бид мангасын аманд орлоо гэж үүлгэрдэв. Агсам морь шиг ярзайтал маасайх царайг нь хараад энэ хүн далайн салхинд хөл дээрээ тогтож чадах чадвартай бол хөлөг онгоцон дээрх бүх нанхиад сэлүүрч, далайчдыг хүйс тэмтрэхэд бэлэн байгаа нь илт.

Дайжушилэгт хана дагасан бүдүүн олсыг дамжин дээр тавцанд гарах шат өөд мөлхөв. Хойноос нь Хар хүч баатар,

- Хүүе Шилэгт гарахын хэрэггүй! Усанд арчуулна гэж анхаарүулав. Тэр үгийг Дайжушилэгт сонссонгүй. Түүнийг онгоцны тавцангийн нүхээр толгойгоо цухуйлгахад нүүр нүдгүй усаар шуурч, амьсгаа авах боломжгүй үерлэж далай тэнгэр нийлсэн байлаа. Нүдээ жартайлган онгоцны тавцанг ажиглавал гол шургийн дэргэд хэдэн усан цэрэг бөтгөнөн салхитай тэмцэн салбалзах дарвуултай ноцолдоно.

Хөлөг онгоц нэг доош сууснаа хүч авах мэт ухасхийн чичирч багахан шиг толгойн хэртэй аварга том давалгааны орой дээр дэнхэлзэн гарна. Энэ том хөлөг, усны аяар шидэгдэх зомгол лугаа зүйрлэм даанч турьгүй ажээ. Далайн давалгаан дээрээс ойр хавийн байдал бүрэнхий дунд тодорхуйд ойрхон нэг нэгэндээ орооцолдон тээглэх хоёр хөлөг живж байгаа нь харагдав. Усанд хагас нь далд орж гүнзгий суусан тэр онгоцнууд дээр амьд хүн үл үзэгдэнэ. Дараагийн эгшинд уулын уруу чаргаар гулгах мэт доош тэмүүлж хуйлран эрчлэх давалгааг очиж мөргөвөл үс толгой усанд шалба цохиулан өнгөрөв Нүдээ дахин нээж харвал хамаг юмнаас ус гоожиж. бөгтгөнөн харагдсан нанхиад дарвуулчдын хэсэг нь алга болсон байлаа. Улин гаслах далай дундаас саяхан давалгаанд арчуулан одсон хүн «Аа уу» гэх хашхирах дуу сонстох шиг санагданана. Тэр зүг хүчлэн ширтвэл далайн ус шүргэн алдан налсан шураг мод аажмаар эгцэрч түүний олсноос чиргүүлдэн нүцгэн цээжтэй улаан өмдтэй хүн гарч агаарт хэд савснаа тамир алдсан гар нь биеийн хүндийг даасангүй цацран булгилах далайн хар усанд унаж далд оров. Дайжушилэгт толгойн араас дэлдэх зүйлийг тэмтрэн эргэж хараад золтой л ухаан алдчихсангүй. Түмтийн ноёд болон их цэргийн жанжин Алахаан нарын өчигдөрхөн найр хөгжөөнтэй дуу тасрахгүй явсан давхирлаг тавцан усанд арчигдан алга болсон байлаа. Түүний оронд хугарч унасан хойд шураг олс дээсээ хөврүүлэн налмайж харагдана. Хоёр нанхиад дарвуулч сүх барин олс дээсийг тас цавчиж онгоцыг зүүн тийш нь хэлбийлгэн дарах шурагийн хугархайг хөлөгнөэс салгахыг оролдож байлаа.

Онгоц салхинд хөөгдөн давалгаан дээр гарахад саяхан хажууд нь харагдаж байсан хөлөг онгоц алга болж амь аврахыг гүйж сунгасан гар шиг дарвуулын хэдэн хөндлөвч уснаас сарвайна. Хөлөг онгоц эцсийн удаа ёолох мэт чихарснаа ганхан хөдлөхөд дарвуулууд савангийн хөөс мэт урагдаж алга болов. Дарвуулын сэрвээ яс, хатсан өвс мэт хуга хуга үсрэн хийсэв. Онгоц дахин уруудаж, уул мэт ногоон давалгааг чиглэв. Дайжушилэгтийн толгой дээгүүр давс амтагдсан ус дүүрч амьсгаа давхцуулна. Их ус онгоцны нүх сүвээр шахагдан орохуйд яс моднууд үл тэсвэрлэн зад үсэрч, оргодол босуул цэргүүдийн нурууг хугалах мэт нуржигнан дуугарна. Дайжушилэгт онгоцоо уснаас гарахын хэчнээн хүлээвч тэсвэрлэсэнгүй. Шатны бариулаас атгасан гарыг даруй тавиад далайн мандалд гарахаар тэмүүлэн хөвөв. Энэ салхи Авралын салхи хэмээгдсэн «Камиказе» байжээ.


Top
   
PostPosted: Oct.22.15 12:31 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хорин долдугаар бүлэг

Морьдын туурай дороос шидэгдэх элс чулуу хуяг дуулга, бамбай халхавч дээр хааяа оновол дан хийх дуу гарна. Сабраг Тарагтай ноёны зарлигаар Касим ноёны хүрээнээс цэрэг авч Галзуу хар баатрын дээрэмч цэргүүдийн түйвээн байгаа афган хоньчдын зүг яаран давхиж яваа нь энэ байв. Шөнөжин давхиулсаар хүнд хуяг сэлтэд түүртсэн морьд эцэж. Үүр цайж тэнгэрийн дорно хаяанд наран тэмдгэрч байна. Эргэн тойрон цайрах нь үүрийн гэгээ юу, манан уу мэдэгдэхгүй байна.

Нэг гүвээ давтал өөдөөс нь хар хурдаараа давхиж явах хүүтэй гэнэт таарч хамраараа мөргөлдөхөд дөхөв. Урд явсан толгойн сэргийлэх ухаангүй давхих агсам морийг цулбуурдан дагуулж авчирваас айж бөлтгөнөсөн бяцхан хүү ажээ. Тэрбээр бөлтгөр нүд, хянган хамар доороос урсах нус нулимсыг алгаар шувтарч, ноорч муудсан дээлэндээ арчиж байлаа. Түүний бугуй бяцарч, цус хуран хөхөрчээ. Дээлийн хормой доороос цухуйх саарьтай хөлийг даган усан хулгана болтлоо хөлөрсөн зайдан мориных нь хөлс халтартан урсана.

Тэр цэргүүдийг үзээд эхэр татан уйлж гэдрэг заан,

— Апа Апа! хэмээн мэгшин бөвтнөж байв.

Сабраг тэр хүүгээр газарчлуулан цайран харагдах манан дундаас сөөсийн тодрох сагсуул харганыг сэрэмжлэн ажигласаар урагш давшихуйц нэгэн афган хоньчны буйр гэнэт таарав. хонийг нь чоно мэт сэглэж энд тэнд цүндийлгэн хаяжээ. Нурж шатсан гэрийн ормон дээр улайх цогноос өөр тиймээ иймээ гэж хэлэх юм үлдсэнгүй. Манан дунд хаа нэгтээ өнчин хурга байн байн майлж, шатаж ямбийгаад сэрийж харагдах тэрэгний дор хэвтэх тэмээний сэгнээс хуйхлагдаж хярваслагдсан махны үнэр ханхална.

Сабраг цэргээ дагуулан буйран дээр ирвээс шархтаж цус их алдсанаас болоод хүрлэгэр царай нь ногоовтор бор шавраар шавж босгосон баримал шиг туранхай эр гартаа хэнийх нь үл мэдэгдэх дээлийн тасархай хормой тас атган хэвтэнэ. Түүнээс холгүй дээл хувцсандаа орооцолдсон хэд хэдэн хүүр хөглөрөх бөгөөд үзвэл их бага, эр эм болохыг үл ялгагдана. Нусгай бор хүү явдал .дунд мориноосоо буун харайж хэсэг навсгар даавуун дунд хэвтэх цогцсыг татан энэлэлтэй дуугаар цурхиран гаслав. Дуулгандаа үнэгний годоор эмжээр тавьсан залуу цэрэг газар хэвтэх эрийг чангаан эргүүлбээс цаадах нь сулхан гиншив. Омголтож хатсан уруул амыг нь чийглэж дашмагтай ус цутгав. Тэр хүн нүдээ нээж.

— Давхиарай! Тэд холдоогүй. Мөнх дага уулын зүг зугтсан гээд саарал манан дунд сүүмийх дэрс өөд тэмүүлснээ хүч алдран ухаан алдав. Сабраг нусгай бор хүүг даган Тарагтай ноёны захиасыг зөрчин зам дөхөж цаг алдсанаа ойлгов. Жүмэн хөндийг отохоор саарал мананг зүсэн, хатсан сайрыг гатлахаар ухасхийхдээ

- Миний хойноос! Гафаз сайраар гарах ёстой гэж Сабрагийг хашгирхад уйлж суусан хүү гэнэт өндийж.

- Баатар ах та буруу хэлнэ. Эцэг тэр зүг явсан гэж зааж байна. Иймд Гафаз сайраар буцах учиргүй. Тэд эргэхдээ Жүмэн хөндийн баруун гараар Үч булаг дайрч гарах вий. Өөр зам байхгүй гэж хэлэв. Сабраг хэсэг тээнэгэлзсэнээ,

- Алив чи явж тэр булгийн хөлийг зааж өг гэж тушаалаа. Хүү эх эцгийн зүг эргэж харснаа хөмхийгөө зуун мориндоо шавдан мордов. Хоньчны хүүгийн заасан газар ирж цэргүүдийг гинжлэн суулгаад дайсныг отов. Мөр хайвал үүгээр баг цэрэг явж өнгөрөөгүй шиг харагдана. Сабраг отоо хожигдоогүй байгаа хэмээн болгоомжлон түгшиж чимээ чагнав.

Удаан хүлээхэд нойр хүрч тэсэхүйеэ бэрх ажээ. Чимээ аниргүй суусан цэргүүдийн зарим нь өөрийн эрхгүй үүрэглэн тонгосхийнэ. Дуу чимээ хориглосон тушаалыг зөрчиж нуруугаа тэнийлгэн хуяг дуулгаа шаржигнуулна. Сабраг сэтгэл дундуур шилбэлзэж,

- Чимээгээ дарцгаа! Ямар тэсвэргүй малууд вэ? Манан дунд чимээ хол тардаг юм хэмээн хөмсөг зангидан зандрав. Манан байсаар улам доош сууж өтгөрөхөд салхич үгүй хачин дүнсийгээд явчхав.

Гэнэт дөрөө харших чимээ гарч хүний хэлэлцэх үг бүдэг дуулдав. Сабраг цайран харагдах манан дундуур нэвт харах гэсэн мэт хүчлэн ширтэв. Цэргүүд мориндоо мордоход бэлтгэж мориныхоо амгайг амгайдан чангаана. Манан дунд морь янцгааж, тургив. Сабрагийн сайвар аргамаг шүдээ ёрвойлгон газар цавчлав. Сабраг морио гайхах мэт хараад урд өмнө ингэдэггүйсэн юу болов?! гэж муу совин татах шиг болсноо морь янцгаах дууг чих тавин чагнав. Хөшигний цаанаас гэнэт гараад ирэв үү гэлтэй өтгөн цагаан манан дундаас жад мэс нь арсайсан өргөн мөртэй морьт цэрэг «Сабрагтай мөргөлдсүгэй!» гэсэн шиг тодрон гарч ирэв. Тэр цэрэг бодолхийлэн алхуулах тул Сабрагийн занганд суусан зуутыг анзаарсангүй. Хэсэг адуу байна гэж бодсон бололтой доош тонгойн дөтөлсөөр байв.

Сабраг ухасхийн мордов. Цэргүүд мөн нэгэн зэрэг мориндоо харайн мордов. Тэр цэргийг сэжиг авахаас өрсөн довтлон дайрч хүнд балт сүхээр дуулган дундуур нь буулгаж орхиход унасан морь нь үргэж сайхи эр дөрөөндөө чирэгдэн манан дотор далд орлоо.

Цэргүүд урагш таамгаар довтолж, хэсэг бусгаар тодрон гарч ирэх Галзуу хар баатрын тонуулч цэргийг жадаар сүлбэж мунаар дэлдэн дутаалгана. Сабраг цэргүүддээ сэтгэл хангалуун байлаа. Манан дундаас Галзуу хар баатрын дуу хадаж,

- Алгаа! Алгаа! Гайдаа брас? Алгаа хэмээн цэргүүдээ уриалан дуудна. Тэр баатар эр санамсаргүй яваад отоонд ороод сандарсан цэргүүдээ хурааж эмхлээд, хатгалдан тулалдав. Тулалдаан огцом бөгөөд ширүүн болов.

Байн байн тачигнах Галзуу хар баатрын дуу танил мэт санагдавч тулалдааны халуунд хэн гэдэг түрэг байж болохыг зэрвэсхэн бодоод санаанд орсонгүйд хэрэгсэхийг орхиж анхаарал нь өөр тулгамдсан олон явдалд самайрч мартагдав. Галзуу хар баатар мананд төөрч бутарсан цэргээ чадмаг удирдаж, Сабрагийн цохилтоос бултан зайлж байв. Битүү цагаан мананд нэг нэгийгээ үл үзэх цэргүүд тэмцэлдэн тулалдаж, нэг нэгийнхээ хаа байгааг дуу чимээгээр таамаглан мэдэрч тэр зүг нум сумаар харваж, тэр зүгт дайран уулгална.

Сабраг цэргүүдээ удирдан дайсны зүг довтолгон хөөцөлдөж явтал ард нь морин төвөргөөн сонстов. Галзуу хар баатар заль гаргаж цэргүүдээ гэнэт зогсоож чимээгээ дараад Сабрагийг хажуугаараа өнгөрмөгц ар хударгаар зайчсан нь энэ байв. Сабраг энэ байдлыг тааварлан ойлгоод дороо эргэн тэдний хойноос нэхтэл гэнэт их тулалдаан дунд ороод явчхав.

Галзүү хар баатар Сабрагийг мэхлэх гээд тэдний хойноос нэхэж ирсэн Гөлтгөнө баатрын эргүүлийн багтай халз тулгараад алалдан тулалдсан нь ийн буюу.

Цэргүүд зууралдан тулалдаж, хоёр талаасаа хавчуулсан Борог хааны тажиг голдуу цэргүүд толгой дараалан хяргуулж, удаж төдөлгүй үлдсэн цэргүүд амиа хоохойлон зугтаж өтгөн цагаан манан дунд ганц нэгээрээ сүүтэгнэн талаар нэг тарж одоцгоолоо.

Сабраг тарж зугтсан цэргүүдийг мөшгөн хөөж буулган авчрахыг аравтын дарга нарт тушаагаад, мориныхоо хөлсийг сэврээж амьсгаагийн нь дарж амрахаар буув. Цэргүүдээ ирэхийг хүлээн хайргатай шар довон дээр цомцойн сууж байхад Гөлтгөнө баатар хиа цэргээ дагуулан ирж дэргэд нь буув.

Цэргүүд хэсэг хэсгээр эргэн ирж олзлогдогсдыг довны өмнө цуглуулж байлаа. Баригдсан цэргүүд эгнээ эгнээгээр газар сөгдөн бөгцийж, шархтай зарим нь халуундаа дэмийрч яраглан ёолно.

Ингэж байтал манан дундаас Барс Тулгын аравт ирж эмээлдээ бөгтөрсөн хүлэгтэй хүнийг Сабрагийн өмнө хаяв. Хөлөрсөн үс нь ширэлдэж арзайгаад чамархайнаас гоожих цустай наалдаж халтардсан хүрлэгэр бор залуу чинэртэл хүлсэн дээснээс мултрах санаатай мурилзан тийчилж байна. Хуягны доогуур харагдаж байгаа сааралдуу хөх пүүсүү дээл шороонд хутгалдан урагдсан харагдана.

Барс Тулга мориноос бууж Сабрагийн өмнө сөгдөн ёслоод,

- Дарангүйлагч! Би Борог хааны Галзуу хар баатрыг бариж ирлээ гэж өчив. Сабрагийн дохиогоор газар хэвтэх хүний хүлэгнээс татаж өндийлгөөд хуйхнаас нь үсдэж өөд харуулваас газар дайвалзах шиг болоод явчихав.

- Жиглэг гэж өөрийн эрхгүй Сабраг дуу алдхад баригдсандаа хорсож уурлаад сэхээгүй байсан догшин царай гайхах мэт хувьсаж довон дээр суугч даргач нарын хэн нь дуугарав гэж эрэх шиг цус хурсан нүдээ эргэлдуүлэн хялсхийн ширтэв.

Сабраг еөрийн төрсөн дүүг цус нөжиндөө хутгалдан элс шороон дунд ингэж хэвтэнэ гэж итгэхгүй байв. Жиглэгийг Амар мөрний балар ширэнгэнд амь үрэгдсэн гэж сонсоод дүүгээсээ өнчрөн хоцорсон гэж олон жилийн турш сэтгэсээр тэр бодолдоо итгэж дасжээ.

Гэвч мах нь шуугдаж, нүдний аньсага, хамрын хянганд үрчлээ суусан хүйтэн харцат энэ эр Улаан чулууны голд араар нь сундалж бүсэлхийгээр нь чанга тэврэн дулаан амьсгаагаар нуруугийн нь төөнөн эцэс төгсгөлгүй дуржигнуулан ярьж явдаг улаа бутарсан эрх бор хүүг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Сабраг өндөсхийн дөхөж.

- Чиний алдар хэн бэ? Жиглэг мөн үү? хэмээн сандрангуй асуув. Цус хурсан нүдэнд асах мэт гэрэлтсэн оч аажмаар бөхөж,

- Би биш! гэж хариулаад нүдээ буруулав. Сабрагийн хөл нь хөших мэт дороо хадагдан ам нь хий ангалзан агаар залгиж,

-Худал хэл. Чи миний дүү Жиглэг мөн байна. Ахыгаа танихгүй байна уу? Би Сабраг байна гэхэд арзайсан үст тэр залуу түүнийг харсан чүгүй сая нэг санаа амрах мэт бие нь суларч сийрэгшсэн цагаан мананг гөлрөн хэвтээд,

-Над ах байхгүй. Чи андуурчихлаа. Би Галзуу хар баатар байна. Чи намайг яллаа. Миний сүр сүлд харьжээ гэж дотроо бодол болон гуниглах мэт өгүүлэв.

Жиглэг хөвгүүн ахдаа гомдох, өших алин сэтгэл зүрхийг нь өмлөн базаж байгааг ойлгосонгүй. “Би Жиглэг байна. Миний ах амь авар!” гэж хэлж болох боловч хайрлаж санаж явсан Нэмүүлэн бүсгүйг эзгүй хооронд нь аваад явсан гэж өшсөн үү1 Эсвэл дайны хөлд төөрөгдөн явсаар эсрэг талд дайралдах болсон хувь заяандаа гомдсон уу? Жиглэг тэгж хэлсэнгүй. Жиглэг гэдгийг мэдэгдлээ ч ах нь тэртэй тэргүй амь дааж авч гарч чадахгүй, бусдын эрх захиргаанд зарлиг даган явах тул хий л түүртүүлэх учир сэтгэлийн нь зовоохгүй юмсан гэснээс үү алин болохыг бүү мэднэ. Гагцхүү тэнгэр бурхан ганцаар учрыг тунгаалж таалах буй заа.

Сабраг хөдөлж аашлах тавьтар нь цаанаа л нэг дотно санагдах дүүтэй нь хачин адил тэрхүү эрийг гайхшран ширтэж зүүд, үнэн хоёрын алин болохыг ялгаж ядан чимээгүй болов. Гэгтэл Гөлтгөнө баатар тосон авч,

- Аа! Чи нөгөө Галзуу хар гэж алдаршсан дээрэмчин эр үү? Ингэж чиний амьд явахын төгсгөл ирэх чинь энэ дээ. Алив сүр сүлд нь үхээгүй дээр тугаа тахъя. Хар алаг туг аваад ир гэж хиа нараа захирав.

Манан сийрч алсын бараа тодорлоо. Талын шивээ хиаг салхинд харшилдан сэржигнэх сонстоно. Тэртээ баруунтай хөглийн харагдах бараан юм бол жалганд ургасан тоорой мод бололтой.

Цэргүүд дайсны цэргийн хүүрийг цуглуулж, зэр зэвсгийг хурааж аваад туг тахихад бэлтгэн гурав гурваар жагсав. Эргүүлийн зуутын мөнгөн бүрээ тасхийж морьдын туурай тачигнав. Дөрвөлжлөн жагссан цэргүүдийн голд Галзуу хар баатрыг намхан бүлиа туг баригчийнх нь хамт эмээлийн бүүрэгнээс уян чирч оруулав. Галзуу хар баатрын туг баригч доголж чүү чамай алхаж явна. Түүний бүдүүн гуянд зоогдсон хугархай сум халхавч доороос нь ёрдойж байв.

Гөлтгөнө баатар хутгаа сугалан Галзуу хар баатрын дэргэд очив. Хоёр цэрэг Галзуу харын энгэрийг яран тэлж татахад тэр өрийг нь цоолж булгилан цохилох бор зүрхийг бузар савраараа атган суга татаж, зуутынхаа хар алаг тугны зэвэнд өлгөж, тэнгэр өөд дохин их дуугаар хашгирч, газар тонгойлгон мөргөв.

Жиглэг хөвгүүн хувхай царайлан ганхаж бор зүрхнээсээ салахын өмнө Сабраг өөд сарвайж «Ах минь» хэмээн шивгэнэж амжив. Үл мэдэг жуумалзах мэт мурийсан уруул нь хөхрөн хүйт дааж, гөлөрч томорсон нүдээр түүнийг үүрд эгцлэн ширтэх догшин сүрт эр дүүгээ мөн болохыг Сабраг бүрэн таамаглаж,

- Ээ хөх тэнгэр! Жиглэг миний муу дүү! хэмээв дуу тавьж ухасхийн тэврэн авав. Цэргүүд юу болж буйг гүйцэд ухаарсангүй, чих дөжиртөл уухайлсаар байлаа.


Top
   
PostPosted: Oct.22.15 12:31 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
ТӨГСГӨЛ

Наранд хайр найргүй шарагдах улаан элсэн толгодын хоорондуур зуутын даргын цэрэг хувцас гандаж ноороод, царай дарсан хижээл эр тэмээнд хөллөсөн мөхлиг тэрэг даган шогшино. Халуунд халж алжаасан нас тогтсон эмэгтэй бөгчим тэргэн дотор бяцхан охиныг тэврэн бүүвэйлж явна. Сайхи эрийн хөтөлсөн хуягт тэрэгний дутуу хаагдсан таглаа доороос унь сэрийх ажээ. Түүнээс цаана нэгэн бараан морьтой зэгзгэр хүү хэдэн хонь түүж явна.

Энэ бол эхнэр хүүхдээ авч өнгөт нүдтэн хэдэн бардаг боолоо чөлөөлж орхиод ноёныхоо нутгийг дур мэдэн хаяж, төрсөн нутгийн зүг дүрвэж босоод бэдэрч яваа Сабраг билээ.

Нар шингэж улаан элсэн толгодын сүүдэр хүүшлэн амрах, буудаллах цаг ойртсоныг мэдэгдэх авч ойр хавьд худаг усгүйд хавчигдан газар дөхөхөөр тэд яаравчилна. Тэрэгний гол чихран зам харгуйгаас дөлөн явагчид мурилзан одсон чулуу ихт жалга өгсөн нүднээс далд оров.

Энэ чадал муутай нэгхэн гэр бүл хаад ноёдын зарлигийг зөрчин нутгийн зүг тэмүүлнэ. Хойноос нь мөшгөн хөөж яваа харгис цэргүүдэд баригдан тарчлах болов уу яах бол?

Өчнөөн жил зүүд зөндөө мөрөөдөн санагалзсан нутаг усандаа сайны ерөөлөөр хүрч, нүд нээхээсээ таньсан уул хөндийгөө үзэж, үнэр нь хамар цоргисон агь гангат тал хээрдээ хүрч амжнам болов уу? Үр хүухэд нь өсөж өндийгөөд талын малчны уламжлалт заншлыг ургэлжлүүлэн уугуул нутагтаа энх тунх амьдраасай даа, тэд!

ТӨГСӨВ.


Top
   
PostPosted: Nov.25.15 9:44 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.29.07 11:37 am
Posts: 2
Mash ih bayrallaa.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited