#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.17 1:00 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.22.15 6:06 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Энд оруулбал яаж байна? Зохиогчийн эрх яригдах болов уу?


Top
   
PostPosted: Sep.22.15 6:52 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3198
дажгүй ном оруулчихо яадын


Top
   
PostPosted: Sep.23.15 1:45 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
И.Саньцар

Тооноор тольдогч сүүлт од


Нэгдүгээр бүлэг

Дэлхий ертөнцийн оршин тогтнох нэгэн гайхамшиг нь улиран өнгөрөх цаг хугацаа, халин тэлэх орон зай, давшин эргэлдэх хөдөлгөөн буюу. Сүн далайг шалбааг, Сүмбэр уулыг дов байхаас хүн гэж нэршсэн элэнц хуланц маань сургамж баян түүхнээ мөнхрөн үлдэж, үйлс явцдаа алдаж онож, уруудаж дэвшсэн нь тоолшгүй.

Эсгий туургат монгол аймаг маань билгийн тоолол баримтлан ажил амьдралаа зохицуулан, үр сад юугаан бойжуулж, амьдралын аварга их давлагаанд, түүхийн хүчит их шуурганд өртөн уулзаж учрахын баяр эдэлж, хагацан салахын эмгэнэлд шаналж эрт урьд элэнц хуланцаа яаж явсныг дурсан санаж иржээ. Он цагийн хуанлийн дөрөвдүгээр жарны улаан морин жилийн зуны адаг сарын нэгэн өдрийн явдлаас толилуулан энэхүү бяцхан түүхийг эхлэн өгүүлсүгэй.

Энэ өдөр орчлонгийн мянга түмэн өдрөөс ялгах юм огтгүй жирийн нэгэн байсныг тайлбарлах юун. Дээр тэнгэр хүнхийн цэнхэртэнэ. Зуны аагим халуунд бүлээссэн агаар ирвэлзэн чичигнэнэ. Тэртээд харагдах хан уулын хөвч ой хүглийн цэнхэртэж, сэтгэл сэргэнэ. Их уулын ар хормой дагаж шим шүүс ихтэй ногоон хөндий үргэлжлэх ба навч цэцгэн дунд нь хэд хэдэн гэр айлсан саахалт саахалтаараа буужээ. Мал сүрэг нь хойд уулын энгэрийг цоохортуулан бэлчиж ялаа шумуулаас залхан, сэрүүн салхи эгээрэх бололтой. Уулын хөндийд тахирлан урсах цэнгэг голын сайран дээр байргашин борогшсон гурван хүүхэд жараахай шүүрдэн ус цацлан туулж хөхрөлдөн шуугилдацгааж байна. Голын эргийн ногоон ширгээр голионы сийгэлт, үхрийн хүр хүр ногоо зулгаахаас өөр чимээ аниргүй. Халуун өдөр голын эрэгт амьсгаа тавигдаж, чийг замаг үнэртэх аж. Тэдний хөхрөлдөх дуунаас хоёр нь хүү, нэг нь охин болох нь лавтай мэдэгдэнэ. Үсээ тайруулаагүй удсан Хөрслөг чийрэг хүү ёрог бөс өмдөө халхалзуулан, жирэлзэн урсах голыг хөндлөн гулд туучин, том бул чулууг өргөх маягтай болгоомжтой оролдоно. Нэлээд чинээлэг хүний хүү болов уу гэлтэй бухарын нарийн цагаан даавуу өмдтэй, сахал ургахын ором дөнгөж хүрэнтэсхийн эрийн бяд суухчаан болж яваа зоримог царайт, дүрсгүй нүдэт хүү голын ёроолын хайрга чулуунд эмзэглэн бөгтөгнөн алхаж, хөрслөг бор царайтын сөхсөн чулуун доогуур гараа хийж могой жараахай барихаар тэмтэрнэ. Хэт болгоомжгүй унтах гэнэхэн могой жараахайг амжиж хааяа атгавал баярлан хашгирч, тэр хоёроос салахгүй дагах өндөр зэгзгэр охиныг айлган гарт нь атгуулахыг завдана. Цаадах нь эмээсхийн гараа савчин ухарч урт нарийхан хөлөөрөө ус цацан хоёр хүүг эс ойртуулах ажээ.

- Ойгон! Ганц удаа атгаад үз л дээ! Юунаас нь айж бусгана вэ?

- Тэг тэг. Ойгон чи атгаад үз! Замагтай чулуу шиг гөлчигнөхөөс өөрцгүй. Чиний атгасныг би амьдаар нь залгиж үзүүлье гэж тэр хоёрыг цацрах уснаас буруулан хөгжилтэйгөөр хашгиралдахад,

- Яршиг яршиг. Усны хорхой мэлхийнээс өөрцгүй л биз гэж урт хонгор үсээ хойш нь хаяж сүртэлзэн эрхэлнэ.

Нөгөө хүү гэнэт үсрэн ойртож, жараахайтай гараа Ойгон охины нүүр өөд дөхүүлэв.

-Аа! Болиоч! Аавд хэлнэ шүү гээд гэдрэгээ гишгэн чулуунд халтиран усанд унав. Нөгөө хүү ч мөн биеэ тэнцүүлж чадалгүй гулсаж усанд ойчлоо. Сандран боссон хоёрын нойтон үснээс ус савирна. Бие биесээ шоолон хөхөрцгөөх зуур хоёр хүү,

-Чамаас л болж жараахайгаа алдлаа гэж хашгиралдацгаахад Ойгон нүүрнийхээ усыг шувтраад,

-Болж болж. Амьтан зовоогоод байсан юм. Одоо дахин бүү баригдаасай гэж санаа нь амарсан шинжтэй тавлан өгүүлэв.

-Нөгөө хоёр хүү Ойгон охины нойтон цамцны цаанаас нэвт гэрэлтэх чилгэр бие, чийрэг гуяыг хулгай нүдээр битүүхэн ажсандаа баахан эвгүйцэж,

-За дахиад барья. Дахиад барьвал Ойгоны ар нуруунд хийнэ шүү гэж хөхрөлдөн үдийн хурц наранд цайран гялбалзах боргионы зүг чиглэв. Ойгон тэр хоёрын түрүүчийн харц бишдэхийг мэдэрч, хойноос нь гайхан харж нэгийг бодолхийлэн зогссоноо голын эрэг уруу гарч наранд халсан чулуун дээр цамцаа хатаахаар хэвтэв.

Тэрбээр өөдөө харж нүдээ анивал нарны гэрэлд зовхийг нь нэвт ээж ягаан улаан бөөмс төгрөглөнө. Бяцхан зүүрмэглэснээ өндийж нөгөө хоёр хүүг харахад боргионы цагаан хөөсөн дунд бөгтөгнөн үзэгдэнэ. Хурц наранд гялбан эргэн тойрон гэрэл муутай бүдгэрснээ төдхөн тодорч хэвийн болов. Хадтай уулын ухаа ягаан хяр дээгүүр сэрийх гачуурын ой, суман дэлтэй ухаа хонгор морины дэл адил үзэгдэхийг сонирхон ажиглаж хэвттэл морин төвөргөөн сонстов.Өндийвөл баатрын хиа намаг доторх шавартай жалга тойрон үсэргэх нь харагдлаа. Ойгоныг хармагц морио давиран дөтөлж,

-Дайжушилэгт хаана байна? хэмээн холоос хашгирна. Ойгон гол дотор тоглож байгаа хоёрыг дуудаж,

-Шилэгт! Сабраг! Хиарахай дуудаад байна гэж хашгирав.

Усны чимээнд дуу нь хүрэхгүй, нөгөө хоёр нь ч загас жараахайд хорхойтон бөгцөгнөсөөр байв,

Хиарахай голын эрэгт тулж,

-Хүүе! Чихгүй тархинууд гэж дуугаа өндөрсгөн зандарваас сая Дайжушилэгт өндийж хиаг ажиглаад Сабрагийн бөөр уруу нударч,

-Хиарахай ирчихэж. Бас юу болоо вэ гэж харамсангуй дуугарав. Тэр хоёр өмднийнхөө шуумагнаас ус дуслуулан голын эрэг дээр гарч ирэхэд,

-Бушуул, хувцал! Ноёнтон дуудаж байна. Их өргөөнөөс зар ирж. Сабраг! Чи явж адуугаа уснаас гарга! гэж хахирган хоолойгоор тушаасан хиа -Хурдлаарай гэж давтаад мориндоо ташуур өгч гэрийн зүг цогиулав.

Тэр гурав сая сэхээрэх мэт ухасхийж тэр хавьд элбэг ургах тошлойн бутан дээгүүр дэлгэсэн цамцаа шүүрэн авч гутлаа яаран углаж сувгийн цаадтай хантайрч орхисон морьд уруугаа яарцгаав. Дайжушилэгт ялаа шумуулнаас шилгээн тургих буурал хээр үрээнийхээ цулбуурыг сурмагаар хөвөр татан тайлаад шалмаг үсрэн мордож, холдон одсон хиагийн хойноос хурдлав. Сабраг шавар усанд хурж сэрүүцэх адуун сүрэг тийш шогшив.

Ойгон ногоорон халиурах дов довцогт намгийн цаадтай зэгэлтэн цайвалзах гэр өөдөө дөхөхийн зам нийлэх тул шооч гурвалжин нүдээр үе үе эргэн харж Баянлиг баатрын өргөө зүглэн хөндий уруудан давхиж яваа Дайжушилэгтийг ажиглан Сабрагийн хойноос яаралгүй шогшив.

Дайжушилэгтийг уяан дээрээ буухад алаг нүдэт эрхлэнгүй төрхтэй охин тосон ирж,

-Ах хаачаад ирэв? Дахиад л намайг хаяад явчихлаа. Цуг явъя гэж хэчнээн гуйв хэмээн гомдоллон зэмлэлээ. Дайжушилэгт морио уяад Нэмүүлэн тийш нүдээ ирмэн,

-Энэ хойд уулын хавцал дахь арван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, урд уулын жалганд хэвтэх индэр чулуун бөгстэй индэрвээ хар мангасыг буулгаад ирлээ. Миний дүү эр хүний явдалд бүү оролц. Ах нь дараа хөөрхөн жижигхэн хадны мангаа авчирч өгнө. Тэгээд л чамайг надтай анд явж чадах эсэхийг үзнэ дээ гэж шоглон өгүүлээд — Аав намайг юу гэж сураглав? хэмээн гэрийн зүг дохив.

- Сабраг та хоёрын хийсэн хэргийг эс мэдэх биш. Тарвага зурам гоочлоо биз. Та намайг голж орхих тул аав таныг юу гэж дуудсаныг үл хэлнэ гээд дүү охин нь хэнз хургатайгаа эрхлэхээр хонины хот уруу алхав.

Дайжушилэгт гэрт ороход түүний эцэг Баянлиг баатар хоймрын бага өр түшин тухалж шуулттай хаяагаар холын бараа ширтэн духаа атируулан бодолхийлж суув.

Баянлиг баатар сурвалжит угсаатан дарлекин монгол биш боловч баруун зүгийн өнгөт нүдтэн, өндөр хамартан улс ардыг монголын их гэр бүлд нэгтгэн амаржуулах дайнд цогтой байлдаж, мянганы ноёны зэрэгт хүрсэн бөгөөд тангадыг номхотгон сөхрүүлэх дайны эцсээр нутагтаа ирж насны хэрээр зүтгэж өтөлсөн хэмээн Чингисийн хүүхдүүдийн баруун зүүн этгээд дэх их бага улсуудыг төвхнүүлэх албанаас хэлтрэн өршөөгдөж, далай их хааны соёрхол хүлээн үлдсэн ноён билээ.

Жил бүрийн шинийн нэгэнд их сангийн хишиг хүртэж тэнгэрлэг их хааны ивгээлд өнийн гавьяаг сурвалжлан сануулж хайрлагдан дотночлогддог хүний нэгэн бөгөөд Хүнүй гол, Улаанчулууны голын бэлчирдэх соёрхлын газрыг эзэмшин, яс тоот зуун эр гаргах ард албатыг хамжуулан амьдран суужээ. Өвгөн ноён мушгиа сахлаа үе үе имрэн гөлрөн сууснаа Дайжушилэгийг орж ирэхийг анзаарч,

- Өө! Миний хүү! Хүрээд ирэв үү? Одоо бие өсөж хүч чадал сууж яваа тул тэнгэрлэг эзэн хаандаа зүтгэх цаг болжээ. Аль болгон гэрийн мухар сахин, ном шагайж, барлаг албат нарын хүүхдүүдтэй модон мунаар хатгалдан эрхлэх билээ, Хуучин цэрэг эгэн нийлж шинэ түмтүүд үүсгэх гэж байна. Чи ээждээ тусла. Эх чинь хуяг дуулгын чинь суран тогтоол муудаж гээд л хэдэн авгай цуглуулчихсан бага гэрт мунгинаж сууна билээ. Дүү чинь бас тэнд байгаа биз гэж өгүүлэв. Дайжушилэгт хүйтэн айраг залгилан,

- Аав аа! Сабраг бас мордоно биз дээ гэж нүд нь сэргэн асуув.

- Тэгнээ. Миний хүү хийморьтой харагдах чинь ямар тэнгэрийн дор од нь гэрэлтсэн юм бол гэж амандаа шивгэнэв. Дайжушилэгт Сабрагийг бас цэрэгт мордохыг сонсуут дуу алдан шогширч яаран гарав.

Маргааш өглөө нар уулын толгойд шижиртэн тусч байхад Баянлиг баатрын гэрийн зүг хэсэг бусаг ардууд зэгэл ногоон шүүдэртэй өвсөн дунд тод мөр зурайлган үлдээж тал бүрээс уван цуван хатируулна.

Залуучуудын сайтар зүлгэж өнгөлсөн хөө хуяг, чийг даан хөлөрсөн харагдана. Морьдын тургих, дөрөө харших, тольт хуяг хоорондоо хавиран шаржигнах чимээ бөглүүхэн дуулдаж байв. Өглөө эрт болоод тэрүү хөвгүүд дуу чимээ цөөтэй дүнсийцгээнэ. Гол дагаж буусан өтгөн манан дундаас хүйс хүйс морьтон энд тэндээс гэнэт тодрон гарч цагааран харагдах их гэрийн гадаа дараалан бууж байв. Удалгүй хар молцогтой хөх дарцаг хийсгэсэн гэрийн гадаа нум сум, жад сэлэм агссан өвч хуягт нижгээд хөвгүүд тэднийг дагаж өвгөд хөгшчүүл цугларцгаав.

Тэд амар мэндээ мэдэлцэж ноёны орд хавиар хөлхөлдөнө. Өвөгчүүл маяг маягаар засаж янзалсан сахлаа имрэх нь имэрч, мушгих нь мушгиж хоолойгоо төв болгон засацгааж түмэн өлзий хас тэмдэгт эсгий үүдийг сөхөн ноёны өргөөнд морилцгоов. Гадаа үлдсэн хүүхдүүд нэг нэгийн нум саадаг, зэр зэвсгийг цэгнэн хулгай нүдээр зэрвэс ширвэн ажиглаж өөрийнхтэйгөө жишиж сэтгэл хөөрөн тогтож ядна. Сабраг болон нэлээд олон хүүдийн эцэг дайны талбарт үлдэцгээсэн учир тэднийг дагаж эмс авгай нар цөөнгүй ирсэн байлаа. Тэд ноёны ордонд морилсонгүй. Хүүхдүүдийнхээ дэргэд цомцойн сууж тэднийг сэтгэл үймсэн уйтгартай нүдээр сэмхэн ширтэнэ.

Сабраг эцэг Атуг нэгэн бүрхэг өглөө Хорезмыг дайлан дарах дайнд мөн л ингэж мордоод салан одсоныг бүүр түүр санах ажгуу, Сабраг эцгийгээ тэр бүр үл үгүйлнэ. Харин ч авилгын өдөр эцгийн гавьяаг мэдэрч бусад жаалуудын өмнө додигорхдог байлаа. Өнөөдрийн тухайд бол цэрэгт мордох гэж ирэхдээ эцгийгээ байхгүйд харуусан ээжийгээ дагуулж ирсэн нусгай бор хүү мэт өөрийгөөүзэж нутгийн залуучуудаас зовсхийн уцаардуухан байв. Гэнэт түүний ард,

- Сабраг Чи ороод ирэхгүй юунд дүнсийчээ вэ? Аа Мөнхлүгэн ажаа ирээ юу, яагаад чийгтэй газар сууна вэ? Бага гэрт орцгооё гэх Дайжушилэгтийн хөгжилтэй дуу сонстов. Мөнхлүгэн авгай цочмогхон эргэж,

-Аа Шилэгт хүү! Ямар сүрхий эр болчихоо вэ? За яах вэ зүгээр зүгээр. Эгч нь эндээ түр ч гэсэн сууж хүүтэйгээ хэдэн үг сольё. Чи ээждээ оч! Одоо удахгүй хөдөлнө шүү дээ? гэв. Дайжушилэгт залирхагаар санаа алдаж,

- За эгч ээ! гэснээ Сабрагт хандаж

— Цуг эгнэнэ шүү. Битгий алга болчхоорой гэж нүд ирмэн захиад гэрийн зүг мөнгөн тоногтой матигар сэлмээ чирч маадгар алхсаар холдов.

Төдөлгүй уулын цаанаас наран мандав. Ноёны өргөөнөөс өвөгчүүл чихцэлдэн гарч ирцгээв. Тэгтэл алтан эмхрээст ган хуяг гялалзуулж, ууц ташааны хамгаалалтыг мөнгөн товруугаар чимэглэсэн, цайвар торгон халхавч хормойдоо унжуулсан, бууралтаж яваа толгойгоо нэлээд олон дэлдуүлж явсан болов уу гэлтэй хонхойж ёнхойж сэв суусан хар хиуртай мөнгөн дуулга духдуулсхийн өмссөн янхирдуу өвгөн гарч ирэв. Энэ бол Баянлиг баатар байв. Өвч хуягласны нь харахад танихааргүй болжээ. Нөгөө устсан нүд, чичирхийлсэн гар, аахилж янцагласан овор нь аль хэдийн арилжээ. Тэр гарч ирээд ханхайн гэдийж зэвсэглэсэн хөвгүүдийг хурц нүдээр тойруулан хараад,

— Айгтун! Бишрэгтун! Эцэг Чингисийн алтан ураг, тэнгэр эзэн хаан Гүюгийн албан цэрэгт амийг тань өргөж, алд биеийг тань тушааж байна. Итгэж найдан бариулсан илдийн чинь үзүүр гадагш дотогш хэний эсрэг хандахыг гагцхүү хаан эзэн тань мэдтүгэй. Бүү эргэлзэгтүн! Бүү гуйвагтун! Хаан эзэндээ очихтун! Мордоцгоо хөвгүүд ээ! гэж яльгүй дультран өндөр дуугаар өгүүлмэгц гараа өргөж хөдлөх дохио өгөв.

Төмөр харшилдах чимээ дэгдэж, морин туурай нижигнэж бяцхан үймэлдсэнээ гурав гурваар эгнэн жагсаж хөндий уруудан хөдлөв. Цувааны магнайд ноёны хиа дайны хар хиуртай тугийг дөрөөндөө уллан өндөрт хийсгэн дэрвүүлж, үе үе ханхар мөрөө эргүүлэн эгнэн жагссан цувааг тойруулан ажиглаж явав.

Сабраг эргэж харав. Ээж нь өргөөний гадна зог тусан хоцорч хүүгийнхээ хойноос турь муутай гараа даллаж, мэгдэж бачимдсан нүдэндээ мэлтэгнэх нулимсаа арчина. Уруул амаа хий өмөлзүүлэн нэг үг хэлэх нь олны дуу чимээ, шуугианд дарагдаж замхрав. Эхийг нь тулж түших ганц дүү үлдсэнд сэтгэл тавгүйрхэн гэртээ хоргодосхийж дотор нь хүйт даав.

Ээжийнхээ оронд адуу малаа харж үлдсэн дүү Жиглэгийг ирээгүйд дотроо бяцхан харамсаж өглөө мордоход нь нойрмог нүдээ бөлтийн ширтэж чанга тэврэн духаа өгснийг нь санан эмээл дээрээ өндийв. Үдэгсдийн тэргүүнд Баянлиг ноёны хатан палдгар бүдүун Налайган авгай есөн нүдтэй цацлыг өндөр өргөн сүү цацаж зогсоно. Сабраг дэндүү чанга уясан бугуйн толь гар нухахыг мэдэрч өөрийн эрхгүй сэгсрэн эмзэглэж дэргэдээ эгнэх Дайжушилэгтэд,

— Ээж чинь тахил өргөж байна. Хараач! гэж тэр зүг ширтэн алхуулж явснаа — Өнөөдөр удаан аялах болов уу? Хиарахай юм хэлээгүй биз? гэж асуухад Дайжушилэгт сэтгэл ихэд хөөрч нүд нь гялалзан гэрийн хойгуур бөөгнөрөн зогсох охид хүүхдүүд уруу өндөлзөн,

- Юу гэнээ? Хөөе тэр Ойгон, Анхил нарыг хараач. Анхил бас хөөрхөн болж байна шүү. Өчигдөр Ойгонтой гурвуул тэднийхээр ороод гардаг байж тийм үү? гэж шагширч байв.

Дайжушилэгтийн цаана гурваар эгнэн явах аравтын даргын хүү Цоорчигон мөн л охидуудыг шохоорхон ширтэж,

- Ха! Юу нь хөөрхөн байгаа юм бэ? Дэрс шиг нарийхан юм. Харин Ойгон биелэг хүүхэн болж магадгүй гэж мэдэмхийрэн хошуу нэмэрлэв. Сабраг ягаан ногоон элдэв өнгийн торгон тэрлэг өмсөж гоёсон зэгзэр гуалаг охидын дундаас Анхил, Ойгон нарыг үзэх гэж жадаа тулан гэдрэг өлийн харсан боловч олж харсангүй. Ташаанд зүүлтгэй хүнд сэлэм, богц, ганзагатай эд агуурс тулж хөшилдөөд олигтой ч эргэж болсонгүй.

Жагсаалын магнайд явсан ноёны хиа дөрөөн дээрээ өндийж,

-Хатираад! гэж өндөр дуугаар захирав.Гэтэл тэдний араас морин төвөргөөн ойртон залуу охид хүүхдүүд давхилдан нэхэж ирэв. Ойгон Анхил нар жагсаал даган давхиж,

- Хээ! Шилэгт! Сабраг! гэж гараа даллан үлдэв.

Тэднийг овоон дээр гарч цэнхэртэн униартах хөндийг гүйлгэн харахад голио царцаа царгисан замын хажуугийн халиурсан ногоон дунд охид хүүхдүүд мориныхоо амыг татаж үлдэн хоцров. Тэдний дундаас бор морьтой жижиг охин тасран давхиж ирсэн нь ноёны охин Нэмүүлэн ажээ.

- Ах аа! Сайн яваарай! гэж Дайжушилэгтэд үнэрлүүлээд эргэхдээ - Сабраг май үүнийг ав! гэж торгон алчуур атгуулчихаад цагаан царай нь улайж гал бутран ягаарч, мориндоо ташуур өгч даваан дээр үлдсэн охидуудын зүг эргэж давхив. Сабраг ахтайгаа адил цагаан царайтай, усгал зөөлөн харцтай тэр жижиг охиныг шохоорхдог боловч ингэнэ гэж санаагүй явсандаа бантан алчуурыг нь тас атган Дайжушилэгт Цоорчигон хоёр өөд ичингүйрхэн харснаа бүшуухан далд хийв.Нум сумаа агсаж жадаа арзайлган өргөж, хуяг дуулгаа гялалзуулсан залуухан дайчид бэл даган хатируулж, монголын нийслэл Хархориныг чиглэв.

Ноёны хиагаар даргалуулсан баг цэрэг хоёр хоног аялсны эцэст Орхоны савд орж ирэв. Дөрөө шүргэм өндөр ургасан өвс морины хөлд хөглөрөн явахад тээртэй ч аливаа нөхцөлд хурдан дасдаг монгол морьд алхаа явдлаа тохируулан шогшино. Удалгүй тэдний өмнө ногооны униар цэнхэрлэсэн өргөн их хөндий харагдсан нь Хархорины хөндий байлаа. Униартай цайвар хөх тэнгэрт шаан туяат нар гийнэ.

Өнгөрөгч шөнийн бороонд байгалийн өнгө сэргэжээ. Чогчоохой, болжмор шувууны жиргэх дуун, морин төвөргөөн, өвсний сүржигнэх чимээтэй өнгө аясан чихнээ чимэгтэй сонстоно. Морины хөл чивхэрч, чийглэг цэвэр агаарт амьсгал нь тэлэгдэх мэт амгайгаа зажлан хурдалсаар байв. Хархорин уруу ойртох тутам хүн мал олширч, энд тэнд зуны өргөө орд цайран харагдаж эхлэв. Хархорины гудамаар үхэр тэрэг, хасаг тэрэг, морьтой явган хүн олширч нэг нэгэндээ тээглэн зам боож хөшилдөн, есөн хэлтний ярилцах чимээ шуугиан чих дөжрүүлэх бөгөөд зам дээр асгасан өөхөн чулуун хайрга морьдын хөлөөр цацагдан үсэрнэ. Энд тэнд замын хажуугаар явган нүцгэн хүн хашаа даган сууж, гудамд яваа улсыг гөлрөх ба жижиг лангуу зассан үүргийн худалдаачид чадах ядахаараа орилолдон бараагаа зарлан дуудаж худалдаа наймаа хийж харагдана. Худалдаалах хүмүүсийг сайтар ажвал олонх нь монгол бус харь худалдаачин түрэг, уйгур, өнгөт нүдтэнгүүд болох нь мэдэгдэнэ. Зарим нь хачин этгээд янзаар хувцаслаж, толгой түрүүгээ цагаан даавуугаар ороож, зарим нь үс толгойгоо мөлчийтөл хусаж гялалзуулсан нь сонин. Хот газрын өлөн цагаан хүүхнүүд гэзэг үсээ санаанд оромгүй сониноор янзалж овойлгон явах бөгөөд, балмагдан гайхширсан залуу цэргүүдийг хулгай нүдээр жоготойхон зэрвэс харчихаад гунхан алхлах нь үзэсгэлэнтэй. Баяд ноёдын харь газраас авчирсан алтан шар үст цэвэрхэн царайтай үзэсгэлэнт татвар авгайчууд хоргой дурдам өмсөж, сувд шүр гялбалзуулан сайхан тэгш шүдээ яралзуулан инээж, монгол ноёдоо хүндэтгэн харьцаж, ганц нэгээрээ ч бас наймаа эргуүлэн хөлхөх нь дайралдана.

Дархны газрын харанхуй хаалган дээр нүцгэн биен дээрээ булигаар хормогч угласан, үс сахалдаа баригдсан, мажар, польшоос ирсэн болов уу гэж таахаар булиа шар дархан, монгол цэргүүдийг эс тоон наранд ээн бодлогошрон зогсох нь үлгэрт гардаг мангас лугаа адилаар Сабрагийн гэнэхэн сэтгэлд бууж байв.

Хархорины салан нийлж сулжилдсэн нарийхан гудамж, сүрлэг сайхан сум дуган, хаад ноёдын орд харш, бужигнасан олон хүн дунд толгой эргэж, сүрдэн балмагдсан хөдөөгийн залуус нэг нэгээсээ хоцрохгүйг хичээж Хиарахайн тугийг даган хатируулсаар нэгэн навтгар урт байшингийн өмнө ирэв. Тэр байшингийн дээгүүр Төвшин амгалан сүм паалантай шавар дээврээ гялталзуулан сүндэрлэнэ. Түүний баруун этгээдэд бас нэг том орд сүндэрлэх бөгөөд наагуур нь жижиг сажиг хашаа байшин, хааны хишигтэн цэргүүдийн морины жүчээ харагдана. Навтгар байшингийн өмнөх, эргэн тойронд мод эмжин тарьсан талбай дээр залуус мориноосоо бууж хөлийнхөө чилээг гаргав.

Хааяагүй цэргийн улсууд харагдах бөгөөд энгийн хүн тоотойхон үзэгдэнэ. Гоё ганган хувцастай, сайн чанарын хуяг дуулгатай хишигтэн цэргүүд модны сүүдэрт үе үе үзэгдэж энгийн цэргүүдийг дээрэнгүй маягаар ширвэн замдаа санамсаргүй дайралдвал түлхэж журамлана. Гудамжны үзүүрээс бие хамгаалагч бараа бологчдоо дагуулсан цэргийн ноёд сүр бадруулан давхин ирж навтгар байшинд ороход талбай дээр цугласан эрчүүд нэгэн зүйл тушаал авсан мэт тэр зүг гайхан ширтэнэ. Удалгүй ноёны хиа жүчээ уруу орж мордоод бадриун эрийг дагуулан давхиж ирэв. Тэд түүнийг дарангуйлагч болов уу гэж тааж байв. Тэр дарангуйлагч зуутын дайчдыг инээмсэглэн хараад,

— Миний хойноос хатираад гээд Хиарахайтай мөр зэрэгцэн талбайгаас гарч гудамж уруудан хөдлөв. Нэлээд цогиултал хашаа байшин цөөрч хотын захад гарав. Хотын захын айлуудын нохой тэднийг даган хуцаж боорлоно. Хурга ишгээ хариулж яваа хүүхдүүд тэднийг атаархангуй нүдээр ширтэн үднэ. Ноорхой муу хувцастай, хуруу хөл нь цухуйсан хатангир туранхай шөвгөр хар царайтай хэсэг хүн газар ухаж дайралдсан нь Хитаны олзлогдогсод бололтой.

Цэргүүд жагсаалаар давхисаар Орхон голын цавчим хадан эрэгтэй тохойд ирсэн нь шинэ түмтийн шивээ байв. Бургас модтой голын эргийн шүүслэг ногоон ширэг дээр өнгө өнгийн майхан жодгор алаглан босож, цэрэг эрчүүд сүлжилдэн бужигнаж, хоол цай чанах нь чанаж, юмаа оёх нь оёж, зарим нь зэр зэвсгээ засаж сэлбэж, майхныхаа суүдэрт сууж харагдана. Голын эрэг дээр угааж дэлгэж тавьсан нь өчнөөн их бөгөөд, морио усалж буй цэргүүд голын эрэг даган торойно. Нар дээр хөөрч халуун болж байв. Цуваа цэрэг голын харгилах чимээ сонсож, зөөлөн ширэг дээгүүр тэших мэт давхисаар мянганы ноёны том хөх асрын гадна ирэхэд мянганы ноён зумба шадар цэргүүдээ дагуулан угтан гарч ирэв.

- За сайн морилж ирцгээв үү? Хаанахын зуут вэ? гэж мэндийн хариу авалгүй лавлахад ноёны хиатай зэрэгцэн ирсэн дарангуйлагч мориноосоо шалмаг бууж, ногоон зүлгэн дээр сөгдөж,

- Улаанчулуун дахь Баянлиг баатрын харьяатаас ирсэн цэргүүд. Цэргийн яамны түмт үүсгэгч Төмөр ноён танай хуваарьт явуулав гэж өчив.

- За мянгат маань бүрдэж л байна Баянлиг баатрын зоригт хөвгүүдийг би мэдэлдээ авлаа. Хаданчигай ноёны мянгатад багтлаа гэдгийг эцэг, эздэд нь нь сонсгоорой гээд цэргүүдэд

- Энэ баруун талд байрла. Морьдоо амраа. Өөрсдөө амарцгаа Маргааш дүрэмлэнэ гэж ногоон зүлгийг заав. Халууцаж ядарсан хөвгүүд сая нэг дөреө мулталж, хүнд хуяг дуулганаасаа хагацаж хөшсөн биеэ амраав.


Top
   
PostPosted: Sep.24.15 2:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Энэ номны тухай мөн ч их сураг сонссон эцсийн эцэст уншдийн бжээ

Маш их баярлалаа :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.24.15 12:31 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Хоёрдугаар бүлэг

Бургас мод тал хөндий хосолсон үзэсгэлэнт сайхан Тамирын голын тохойд орших Гүюг хааны зуны орд Өрмөгт монголын язгууртан ноёд, дархад чинсан нар их хаан Чингисийн үүсгэсэн хэргийг эцэст нь хүргэх тухай хэлэлцэхээр чуулаад байв. Гүюг хааны их асрыг тойруулан барьсан баян тансаг ордуудаас торго дурдан дээл хувцастай, эрдэнийн чулуу шигтгээтэй, алт мөнгөн бүс бүсэлсэн төрийн эрчүүл уван цуван гарч их асрыг чиглэцгээнэ. Тэд усны урсгалын чимээ, цувууны жиргэх дууг сонсож нойроос сэргээд эргэн ,тойрныхоо байгалийн сайхныг баясан мэдэрч алхахдаа замын хажуугийн бургас үл мэдэг савлан хөдлөх, сайтар ирлэсэн сумны зэв тошлойн бутан дундаас гялалзахыг санамсаргүй ажиглаад давхийн цочиж, их хааны сайтар хамгаалагдсан ордонд байгаагаа ухаарч өөрийн эрхгүй биеэ барьж байв. Хааны хэвтүүлүүд урьдаас нягтлан бодож боловсруулсан нүдэнд үл өртөх нуувчуудад оготно мэг хяран суух боловч тооны хувьд хэтэрхий олон тул яавч мэдэгдэнэ. Голын хөндий дүүрэн хэвтүүл, орд дүүрэн торгон цэргүүд, уулын ам бүрд нь хишигтэн цэргийн анги байрлаж байгаа нь хэнд ч ойлгомжтой билээ.

Ноёд дархад ордны улаан хамбан дотортой чуулалт өргөөнд орцгоож, зөөлөн хивсэн дээр сэм сэмхэн гишгэлэн, өөр өөрсдийн суудалд дөхөж, их хааны харшид залрахыг хүлээж нэг нэгэнтэйгээ нам дуугаар үг солилцон байв. Гэнэт өргөөний мухар дахь хөшиг сөхөгдөж, хоёр торгон цэрэг үүдийг манаж зогсов. Үг хэлэлцэгч ноёдууд чимээгээ аядахад зөвхөн түмтийн ноёдын алтан арслан санжиж, чулуун товчнуудтай харших жингэнэсэн дуу л сонстож байлаа. Удалгүй хиа бололтой хүн орж ирсэн нь ордны захирагч Барс Төөгөө болмой. Тэр эргэн тойрноо хурц нүдээр тойруулан ажигласны эцэст сэтгэл ханасан бололтой эргэж хаалганы цаана харагдахгүй зогсох нэгэн хүнд дохио өгөв. Төдий удалгүй ордны зарч булган малгайгаа духдуулан орж ирээд,

— Айггун! Бишрэгтүн! Тэнгэр их эзэн хаан Гуюг залран ирлээ гэж сүрлэг дуугаар зарлах гэр үед Гүюг хаан төрийн Чингай чинсан, ерөнхий сайд Елюй Чуцай, бүх ноёдын ахлагч Илжигдэй, Чурамган нарыг дагуулан орж ирэв. Өргөөн дэх торгон цэргүүдээс бусад бүх хүн сөгдөж ёслоход Гүюг хаан дөрвөн буландаа сувдан өлзий атгасан мөнгөн харцагатай суудалд залрав. Тэгэхэд сая хөдөлгөөн орж ноёдууд өөр өөрсдийн олбогт суудлаа эзлэв. Ноёд жанжингууд суудлаа заасан ёсоор эзэлж байгаа эсэхийг захирагч Барс Төөгөө гярхай нүдээр ажиглаж харна. Гүюг хаан эрүүл бус гялалзсан нүдээр бүхнийг тойруулан харж,

Миний үнэнч нөхөд, ноёд дархад нар хичээнгүйлэн сонсогтун! Хөх тэнгэрийн ивээлээр монголын их гэр бүл тайтгаран тэнхэрч, өдөр өдрөөр хүч нь хуран чангарч байна. Чингисийн ясыг зөрчиж улс гэрийг самууруулж байсан Фатима, Отчигон мэтийн оготор сүүлт нохдыг цаазлан цээрлүүлсэн билээ. Чингисийн ёсыг зөрчих гэсэн хэн боловч алдрах болно хэмээн бодолхийлснээ үргэлжлүүлж

— Баруун зүгт Мажар, Польш, Киевийн вангуудыг сөхруүлэх дайнд явсан цэргүүдийг нэгэнт буулгасан билээ. Гэтэл наран мандах зүгээс наран шингэх, эцсийн далай хүртэлх газар нутаг миний гарт ороогүй байна. Өмнө зүгт зүрчдийн Алтан улс, баруун зүгт Исмайл, Мисирийн халиф, түүнээс цааш Ромын апостол алба барьж ивгээлд минь багтахыг үл тоомсорлон мөчөөрхөж, бүдүүн хүзүү гаргах нь тэнгэрийн зарлигт үл нийцэх болмой.

Гүюг хааны цоровгордуу уруул, сахал багатай амыг анхааралтай ширтэж суусан ноёд жанжингууд түүний үгийг дагуулан дургүйцлээ илэрхийлэн шүүрс алдацгааж, ам амандаа нэгийг хэлэн гүнгэнэлдэцгээв. Гүюг хаан гараа өргөж,

-Юуны түрүүн бид дээсэн дөрөөн дээр үлдсэн Алтан улсыг сөхрүүлж дуусгах хэрэгтэй. Энэ хэргийг Сүвээдэй баатар, Цагаан ноён хоёрт мэдүүлье. Сүвээдэй баатар Чингис өвгийн захиасыг хуй дагах хутга адил бат баримталж ирснийг тунгааж Алтан улсыг дайлан дагуулах аргыг бүрэн итгэж арван таван түмэн цэрэг өгье. Арван түм нь жич морин цэрэг, түүний зургаан түм нь шинэ үүсгэсэн цэргүүд шүү. Франкийн газар, Мажар вангуудтай байлдаж байсан туршлага тэдэнд байхгүйг мэд гэж хөгшин жанжин Сүвээдэй баатар, гялалзсан залуу жанжин Цагаан ноён хоёрыг ээлжлэн харав.

-За зарлигийг мэдлээ. Би Цагаан ноёнтой хоёр зам хувааж давшъя. Алтан улсын гол хүч Пэнян фу боомтонд хуран цугларч монголын хүчийг саатуулан барих бодолтой байна. Иймд дээдсийн захиас ёсоор Хайжу боомтыг эзэлж Айзун хааны цэргийг, Пэнян фу боомтоос эрхбиш гаргуулж хатгалдан тулалдъя гэж өрөөсөн үлдсэн догшин нүдээ их хааны өмнө номхон буулгаж паргиа дуугаар өчихөд,

-Тэр овыг хөх тэнгэр тэтгэх болтугай. Үүний хажуугаар Шихихутаг ноён Сүн улсын Цин хуандитай холбоо барьж урд этгээдээс шахан байлдуулах эв эрэлхийнэ. Кай Цин хуанди зүрчдийн хүч туйлдсаныг мэдэж тун дургүй хөдөлж байна. Алтан улсын эсрэг дайнд Сүн улстай хавсарвал зүрчдийг нанхиадаар нь цохиулж монголын олон цэргийг бушуу түргэн үхдэл болохоос илэрхий далдлан аврах мөн. Сүн улс үл хөдөлвөөс Алтан улсыг дагуулмагц өмнө зүгийн мулгуу нанхиадаас ял асууж, их монгол улсад даган орохыг тулган хүлээлгэх болно. Бид урд зүгт их дайн хийхээр бэлдэж байхад ахан дүү болон эвтэй найрамдаж алба барихаар ам өчгөө өгсөн вангууд төөрөлдөн мөчөөрхөж зарлигт үл захирагдах болов. Солонгос улсын Кожон Че ван миний элчийг харваж буцаагаад Манногийн улсьн төвшитгөхөд хавсар гэсэн зарлигийг үл тоомсорлох гул Амукан жанжиныг тохон томилж Солонго нарыг төвшитгөхөөр илгээмүй гээд духаа үрчийлгэн бодолхийлснээ энэ яриа дууссаны тэмдэг болгож алтан зарлигаар бяцхан дохиод -Наран жаргах зүг, баруун орон Вавилоны халифыг дарж дагуулах хэргийг захирагч Илжигдэй ноёнд мэдүүлнэ хэмээн зарлиг буулгахад Илжигдэй ноён өчүүхэн ч гайхаж алмайрсангүй, аль эрт ярьж тохирсон хүний ёсоор тэргүүнээ гудайлган ёслов.

-Илжигдэй ноёнд таван түмэн цэрэг өгнө. Чиний замд Есөн мөнх хан хөвгүүн арван түмэн кипчаг, тожиг, хиргис цэрэгтэй хавсран дэмжинэ. Сайн хааны ах гурван түмэн цэрэг гаргаж Бэрх ханхүүгээр баруун гараас чинь дэмжинэ. Исмайл оронд түнжин муудаж сульдсан олон султанууд байх боловч тэдний хүчийг харьсан гэж ташаарч болохгүй. Харин Ромын апостолын загалмайд мөргөгч шажинтнууд өөрийн ариун газар Иерусалимыг эргүүлэн авахыг хичээж байгааг Махмудыг шүтэгч лалын олон улсуудыг, тухайлбал хамгийн түрүүн Багдадын халифыг номхотгон дагуулах хэрэгт хүчин хавсруулах овыг хичээн явуулагтун!

Цаашилбал Хөсрөв султаны түргүүдийг буулган дархад Орд эзэнд алба барьж байх тангараг өргөж алтан пайз авсанНикэйн ноёдуудаар ар худрагаар нь хавсран байлдуулах ов мэхийг тунгаан боловсруулж, тухай үед дайралдах алив даган хамсах хүчийг сайтар, овжин ашиглахыг Илжигдэй ноён чамд сануулах юун! гэж дотор нь өвдсөнөөс тэр үү, эсвэл Хөсрөв султаны түргүүд сүүлийн үед тэнхэрч байгаад сэтгэл зовсноос тэр үү, Гүюг хаан зэвхийдүү хөх царайгаа эмзэглэн ярвайлгаж зарлиг буулгав.

Хааны буулгасан зарлигийг эргэцүүлэн чагнаж суусан Сүвээдэй баатар яльгүй самгардаж,

-Их эзэн хаан минь! Ромын апостол лам Мажар болон Богемын ноёдыг түйвээлгэж литв, орос нараас алба татдаг болсныг ихэд далдуур эсэргуүцэн монголоос болгоомжлон их цэрэг бэлдэж байгааг би ойр байж мэдсэн билээ. Эл байдлыг яаж болгоохсон бол гэж паргиа дуугаар гайхшран асуухад Гүюг хааны ярвайх царай баахан тэнийж,

-Үүнийг бид Елюй Чуцай, Кадак ноёнтой хэлэлцэн зөвшсөн юм. Мөн Ромын апостол ламаас Пано Карпини хэмээх элчийг хүлээж байна. Тэдний санаа орос, польшийг залгихаасаа Исмайлын нутаг уруу ховдог шунахайгаар тэмүулэх нь даравч дарайх үхрийн эвэр лугаа ижил илхэн болох нь Сартаг хөвгүүний мэдээнээс танигдаж байна. Загалмайтны цэрэглэлээс болгоомжлох явдалгүй буйзаа. Бат авга оросын ван Александрыг цэрэглэн дэмжиж Төөтоны төмөр цэргийг дарж Алтан ордны хойд хязгаарыг аюулгуй болгосныг Сүвээдэй баатар чи өөрөө мэдэх мөртөөн гайхашран сөргүүлэх хэрэг юун гээд чимээгүй суух ноёдыг сэтгэл дундуур харснаа тэссэнгүй -Сайн хаан авга биеэр мордож Франк, Галлын загалмайт вангуудыг их гэрт дагуулан нэгтгэх хэргийг шуурхайлаагүй нь тэнгэрийн зарлигт үл нийцэх буюу хэмээв.

Түрэг хангалын байлдан дагуулсан орныг Зүчийн улсад өгөх өвөг эцгийн үг байх боловч Бат авгын байдлаас уламжлан би жич шийднэ. Иймд Илжигдэй ноён азнах биз хэмээн зарлиг буулгаад өөрийн Бат хаанд дургүйцэн гэрэвшдэг дотуур санааг ил гаргасандаа хилэгнэн царайгаа барайлгав.

Сүвээдэй баатар их хааны хилэгнэхийг мэдээд, хан хөвгүүдийн европ дахь аян дайны үед хагаралдан маргалдаж байсныг санаж, хий шүүрс алдан үл ойлгохчоон болж, өрөөсөн нүдээ цавчилгүй гөлрөн ширтэв. Гүюг хаан түүний харцанд баахан эвгүйрхэж, гартаа атгах алтан зарлигийг бушуухан дохиж энэ айлтгал дууссаныг мэдэгдлээ.

Энэ мөчийг хүлээж суусан тэргүүн түшмэл Кадак ноён яаран босож цэрэг мордуулах зарлигийг уншин танилцуулав. Хэн хэний түмт, харваач баатрууд, аль зүгийн аян дайнд цэрэг засан мордохыг өндөр дуугаар уянгалуулан дуудах уед Гүюг хаан дотор нь улам муудсан бололтой хөмсгөө зангидан ярвайж харшаас бууж одов.


Top
   
PostPosted: Sep.24.15 12:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
unshij bgaa shu..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Sep.24.15 12:57 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Гуравдугаар бүлэг

Баянлиг баатрын явуулсан хөвгүүд Ачигхори ноёны түмтийн шивээлсэн Орхоны тохойд хэд өнжив. Цэргийн журамд сурч, шинээр хуваарилагдсан аравт, зуутаар мордож дайр гэсэн газарт нь уулгалж, ухар гэсэн газарт нь ухарч, цугла гэсэн газарт нь цугларч дохио хэнгэргийн дуунд дасаж байв. Хаданчигай ноёны мянгатад хуваарилагдсан цэргүүдийн урт жадыг хураан авч, хөнгөн хуяг өмсгөж, нум сэлмээр зэвсэглэж, бага гарын бамбай бариулав.

Дайжушилэгт Сабраг нар хөө хуягнаас салаад сармай хуяг өмсөж бие нь хөнгөрсөнд баярлаж морины хурдаар уухайлан давхина.

Харин тэдний хажууханд хаяа дэрлэсэн Ширэмэн ноёны мянгат хүнд хөө хуягаар хуяглаж, урт жадаар зэвсэглэж, халуун зун хөлс нь гоожиж халтартан сэтгэл алдран царай барайлгацгаана. Ингэж зуны сарыг барлаа.

Өглөө үүр цайж, цэргүүд майхан майхандаа шуухитнан унтаж байв. Адуу манасан цэргүүд зуут зуутынхаа агтыг эргэж, жихүүцсэн биеийг өглөөний наранд ээж дулаацацгааж байв.

Гэнэт хэнгэрэг дэлдэх дуулдаж цэрэг засаж байгаа тохойд ихээхэн үймээн дэгдэв. Хөө хуяг зэр зэвсэг хангинаж цэргүүд морио барихаар гүйлдэцгээв,

Майхны үүдээр дарангуйлагч цухуйн

-Босоцгоо босоцгоо! Дайжушилэгт! Аравтаа жагсаа гэж огцомхон өгүүлэх сухайд аялгуутай дуу хадаж нойрмог нүдтэй аравт ухасхийн босоцгоов.

Хэнгэргийн дуу их аянд бэлэн байхыг дохиолов. Дайжушилэгт яаран хувцаслах зуур зуутынхаа дарга сухайд өвгөнийг дуурайж,

-Майхнаа хураа! Аргай тогоогоо ав! Чи тогоо манагч, чи тогоогоо хойшид хадгал! Майхнаа Минсэл, Жамган, Минжүүр, Абагахирилтуг нар хуваагаад эмээлдээ даруулаад орхи гэж бахир дуугаар тушааж - Бусад нь адуугаа авчиръя. За бушуулцгаа. Алив Сабраг цөмөөрөө хөдөлье гэсээр цалмаа шүүрэн авч яаран гарав.

Голын тохойд эрээлэн цоохортож байсан майхан сав хоромхон зуур алга болж бужигнасан олон цэргээр солигдов.

Сабраг Дайжушилэгт нар хуягаа шаржигнуулан гүйж зуутынхаа адуунаас морьдоо бугуйлдаж авчрав. Дайжушилэгт морио эмээллэж байх зуураа цэргүүдээ мөн л шавдуулан захирч,

-Алив хурдлаач! Морьдоо эмээллэ! Минжүүр чи майхны багана яагаад орхив. Хэн авах юм бэ гэхэд Минжүүр самгардаж улайсан минчгэр царайгаа мэнтийлгэж,

-Хуваагаад авсан чинь энэ илүү гараад байгаа юм гэж гомдолтой өгүүлэв.

Дайжушилэгт цэргүүдээ тойруулан харж,

-Чааваас яаж дайнд орно доо ингээд хувь хувиа хичээчихвэл өнөө шөнө хэний майханд унтана гэж бодоо вэ? Цоорчигоны майханд чихцэлдэх үү? Алив Чулуун тэр багана далд хий гэж уцаарлангуй дуугарав. Тэр морьдоо эмээллэж майхан сав, унд усаа ганзагын мориндоо ачаалж мордоцгооход зуут жагсаж эхэлсэн байв.

Сабраг аравтаа дагуулан зуутынхаа ганц хэлтэй, хөх голтой туг дэрвэх ногоон зүлэг тийш давхив. Тэднийг байраа эзлэхэд бусад зуутууд жигдрэн жагсжээ. Тэдний хажууханд дэрвэх улаан голтой тугийн дор жагсах татаарын хуркан овгийн зуут хөл үймээнд морьдоо алдаж хөглүүлээд барих гэж хөөцөлдөн ялимгүй будилж байхыг мянганы ноён Хаданчигай баатар хөмсөг зангидан дургүйлхсэн маягтай ажиглаж байв.

Харин зуутын дарга хатингар өвгөн өөрийн аль мэддэг хараалаа урсгаж аравтын дарга нарыг тархи түрүүгүй аашилна. Мянганы ноёны хоёр талаар зогсох туг баригч, туслахууд Хаданчигай баатрыг сэм ажиглан эмээлээ хөглүүлээд яах учраа олохгүй гүйж яваа майга цэргийг ээлжлэн харж морин дээрээ бөгтийцгөөн хоорондоо тоглоом шоглоом хийн ярилцацгааж харагдана.

Удалгуй морио алдсан цэрэг мордож зуутдаа ирж жагсахад татаарын хуркан овгийн зуут бүрдэв. Хаданчигай баатар хоёр хэлт мөнгөн арслантай тугаа намируулан түмтийн гурван хэлт том эрээн туг дэрвэлзэн намирч байгаа дэвсгийн хормойг чиглэв.

Дэвсгийн дор тэднийг түмтийн ноёны торгон цэргүүд угтав, Тэд тус бүр дохиур барьж мянганы ноёнд дохиж байв.

Цагаан арслангийн дүрстэй дохиур барьсан хилэн хар морьтой залуухан торгон цэрэг газар зааж далд утгатай хөдөлгөөн хийж дохиход мянганы ноёны туг тэр дор нь ойлгож зогсох газраа яг ирж зогсов. Тэдний хажуугаар Ширэмэн ноёны хүнд хуягт морин цэрэг жадаа арсайлган урагшилж, начин шонхор дүрстэй дохиураар дохигч торгон цэргийн заасан газар ирж жагсав.

Тэднийг жигдэрмэгц түмтийн ноён бараа бологсдоо дагуулан гурван хэлт тугаасаа адис авч тахил өргөн түмтийнхээ сүлдийг тэнгэрт даалгав.

Их хэнгэрэг нижигнэж, бадрал бишгүүр уянгалж цэргүүдийн сэтгэлийг хөдөлгөн удахгүй эхлэх их аянд дуудан уриална. Бадрал бишгүүрийн дуунд салхи ч сэргэн хөдлөх шиг болж мянгат, зуутуудын далбаа өглөөний хурц наранд өнгөтэй дэрвэж харагдана.

Тэртээ ногоон тохойд үлдсэн түмтийн шар асар сая нэг бууж, нааш цааш торолзон гуйлдэх буурч, хорч нар хасаг тэрэгнүүдийг ачаалж замд бэлдэж харагдана,

Түмтийн ноёны хөтөч туурайгаа цавчлан, хамраа тачигнуулах суман цагаан морь хөтөлж ирэхэд Ачигхори баатар торгон цэргүүдийн дөрөө түшихээр ухасхийхтэй зэрэгцэн сэвсхийн мордож, сэргэлэн бор нүдээрээ өөрийнхөө түмтийг бахтайяа тойруулан хараад газрын уруу давхив. Түүний хойноос түмтийн туг дагаж, гэзэгт нь хөнгөн морин мянгатууд, уулгын цэрэг хөдлөв. Хүнд морин цэргүүд жагсаал удирдан торгон цэргийн заавраар бяцхан хүлээзнэж түмтийн ачаа бараа болон ноёдын хатан гүнж суулгасан жууз тэрэг, чингэлэг тэрэгнүүдийн цуваа зэрэцэн ирэхэд тэднийг даган гэлдрүүлэв.

Ачигхори ноёны түмт Алтай нурууг давж Тарвагатайн нуруунд амарч, намрын сөлтэй өвсөнд морьдоо таргалуулан аажуу уужуу тухлан яасаар Хорезмын Бухар хот хүрчээ. Тэдний замд бөхөн зээр сүрэглэн хуйларч, хиргэс, уйгар, найман аймгийн айлууд зэрэглээн дунд торойж, хонь мал багширч, сааль саамаа базаах бөгөөд зуутын дарга Жүржиг Дайжушилэгтийн аравтыг явуулж зээр намнуулах эсвэл хоёр мөнгөн зоосоор хөхүүртэй айраг авахуулах учир тэдний зуутын цэргүүд үнхэлцэгтэй борц, олгойлсон хуурай сүүндээ гар хүрэлгүй явсаар энд иржээ.

Илжигдэй ноёны тугийг Бухар хотын хуучин Инанча султаны ордонд залав. Ачигхори ноёны түмт Бухар хот оролгүй хойгуур нь тойрон гарч нэгэн жижиг гол өгсөн явсаар үд өнгөрч байхад шивээлэн буув.

Тэднийг асар майхнаа босгож бужигнах зуур түмтийн ноён шадар торгон цэргүүдээ дагуулан униартай хөх хөндийд шаргалтан гялалзах Бухар хот уруу Илжигдэй ноёнд бараалхахаар давхин одлоо. Ачаа бараа ачсан үхэр тэрэгний мөөр чихарч, тэмээ буйлах дуу тэнгэрт хадна.

Дайжушилэгт хуяг дуулгаа тайлж майхныхаа сүүдэрт сэрүүцэн энгэрээ сэвэн хэнхдэг уруугаа үлээж,

- Аа мөн халуун аа! гэж гаслан эргэн тойрноо ажин сууснаа - Аргай! хэмээн дуудав. Аргай майхны мухарт дээлээ тайлан урагдсан тохойгоо ажиглан гүн бодолд умбан гөлөрч суух тул Дайжушилэгтийн дуудахыг сонссонгүй. Түүний хажуугаар Чулуун Тогосболор хоёр майхны хаяагаар толгойгоо шургуулан шуухигнан унгаж байв.

Дайжушилэгт Аргайн гарч ирэхгүйд хилэн хөдөлж майхны амаар шагайн

-Хүүе Аргай! Чихгүй толгой юунд эс дуугарна вэ? гэж уурлан хашгирахад Аргай давхийн цочиж аравтын даргаа гайхан ширтэв. Дайжушилэгт тогоо уруу зааж,

-Чи цай чанаач. Ер нь чи галд сайн юм. Хойшид хэлуүлэлтгүй цай чанаж галчилж бай. Жутаа чи босож гал ус дөхүүлж Аргайд хамжилц гэснээ Сабрагийг үзээд - Сабраг хоёул жаахан гадуур явъя. Юунд дэмий хэвтэх юм бэ? Хөлийн чилээ гаргая гээд цааш эргэв.

Сабраг дуртай дургүй өндийж тэрлэгнийхээ хормойг гөвсөөр андынхаа араас алхав.

Нар хэвийсэн боловч хайр найргүй шарж байна. Доороос умбарсан элсэн хөрс жигнэнэ. Наранд халсан боржин чулууны сүүдэрт хэвтэх хонин гүрвэл хөлийн чимээнд цочин чулуун доогуур шурган орж харагдана. Тэр хоёр нозоорон алхсаар ялам мод ургасан уулын горхины эрэг дээр ирэв. Дайжушилэгт ус хараад баярлаж,

-Очиж усанд орьё. Хайруул дээр хэдэн хоног жигнүүлчих шиг боллоо гээд горхины зүг гүйж дзэл хувцсаа тайчин хаяад гүйхэн тунгалаг усанд орж тэрийн хэвтлээ. Сабраг Дайжушилэгтийн араас ус үсчуүлэн цэл хүйтэн усанд үсрэн оров. Дайжушилэгт усанд ормогц сүүлийн уед даргархаж байсныгаа ор тас мартаж,

-Хүйтэн байна шүү. Тийм ээ Сабраг аа! Манай Улаан чулууны голоос хүйтэн юм. Алив загас харагдана уу? гэв. Сабраг усанд хахаж цацан,

-Ийм жижиг горхинд юу байдаг юм бэ. Хоёулаа Улаан чулууныхаа голд ингээд хэвтэх юмсан. Ойгон Анхил нар юу хийж байгаа бол? гэхэд Дайжушилэгт инээмсэглэж,

-Тэд юу хийж базаагааж. Тугалаа эргүүлж яваа биз. Чи ганц удаа ч хатгалдан тулалдаагүй байж гэрээ санах гэж үү? Олз омоггуй ямар нүүрээрээ харих гэнэ вэ! Чи ер нь сүүлийн үед дуугаа хураагаад дүмбийгээд л явах юм. Ээжийгээ санаа юу? Дүүгээ санаа юу? Танай Жиглэг удахгүй бидний тулалдаж байхад л цэрэгт татагдаад хойноос хүрээд ирнэ шүү дээ. Эр хүн шиг яв. Битгий урвай гэхэд Сабраг шуүрс алдаж юм дуугарсангүй. Хамгийн эцсийн мөчид хөх торгон алчуур атгуулаад аальтай хөөрхөн инээмсэглэсэн хүрэн бор нүд санаанд нь улам тод бууж сэтгэл хөөрхөд хий л Дайжушилэгтийг энхрийлэн харав. Тугалын зэлэнд хөөгдөн хоцордог туранхай хөөрхөн охиныг санахдаа Дайжушилэгтийг ятгаж тэр охиныг яагаад дагуулж явдаггүй байв даа хэмээн харамсан гомдолхийлэв. Дайжушилэгт түуний энхжингийн царайг гайхан ажиглаж,

-Чи юунд үхэрт долоолгосон бяруу аятай дуугүй хотолзоно вэ? Хэлээ залгичхаа юу? Удахгүй алалдаад ирэхээр еөр болох бий вий гэж усан дотор шомбойн сууж гараа даллан ус цавчиж

- Сабраг чи нумаа тэлж дийлж байна уу? Би арваад сум гаргачхаад эцэх юм гэхэд Нэмүүлэнг санагалзан ахынх нь ярьсан зүйлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх дөхсөндөө эвгүйцэн инээмсэглэж,

- Би ч гэсэн өөрцгүй. Саадаг дүүрэн энэ их сумыг чинь хэзээ барна гэж тээж яваа юм бол гэхэд,

Их тулалдаанд харваач баатрууд саадагныхаа жарыг цөмийг тавьчихдаг л гэлцэх юм. Заримдаа сум олдохгүй дайсны харвасан оготор сумаар эргүүлээд харвадаг гэж хэлцдэг юм ха ха ха хэмээн шоглон хөхрөв. Чинар модны орой дээгүүр хөх утаа суунаглан амарч буй цэргүүдийн тачигнатал инээх, гуугалан хашгирах, гиюүрэн дуулах сонстоно.

Тэр хоёр нэг нэг өөдөө ус цацан элдвийн яриа дэлгэж сэрүүцэж аваад буцахаар завдан байтал чулууны дундуур гаргасан нарийхан жимээр урт хормойтой цагаан цамц өмсөж мөрөн дээрээ зэс домбо мөрлөсөн охин жирэлзүүлэн алхсаар гарч ирснээ нүцгэн хоёр залууг үзэж зогтусав.

Түүний алтлаг бор царай нь үл мэдэг зэвхийрч, мойл хар нүд нь бүлтэлзэн анивалзаж, туранхай гоолиг бие нь бүртэс хэмээн жижгэрч, ам нь ангалзан агаар хий залгилав. Түүний ангалзахад дуу гараагүй боловч юм хэлэх шиг санагдсан учир хоёр залуу нүдээ нухалж чихээ сэгсрэв. Тэр охин үргэсэн зээр адил ухасхийн эргэж нүцгэн өсгийгөө гялалзуулан зугтав.

Дайжушилэгг Сабраг хоёр сая сэхээ авч,

- Хүүе хүүхэн! Битгий ай. Битгий ай. Ээ халаг бид хоёр нүцгэн байдаг нь ч юу вэ дээ.

- Харин тийм хө. Мөн догь хүүхэн харагдлаа гэцгээж уснаас босож зүрхлэхгүй хий уулга алдан халаглаж хоцорлоо. Тэр хүүхнийг чулууны цаагуур далд ормогц тэр хоёр яаран босож хувцсаа өмсөх зуур,

-Шилэгт чи тэр хөлийг нь харсан уу? Мөн хурдан жирийдэг охин оо гэж Сабрагийн нүд нь гялалзан өгүүлэхэд Дайжушилэгт зэгзгэр охины далд орсон зүгээс нүд салгалгүй ширтэж,

Харин ээ харин. Янзага шиг л дэгдэж одлоо. Чи нүдийг нь ажиглаж амжсан уу? Хөмсөг нь зөрүүлсэн сэлэм шиг жирвийж байдаг шүү. Чи анзаарсан уу? За явъя! Дахиад дайралдаж магадгүй гээд бүсээ бүслэн ногоон дундуур алхав. Тэр хоёрыг нөгөө охнны зогсож байсан жим дээр очиход утсан хээтэй жижигхэн хөөрхөн угладаг шаахай хэвтэж байв.

-Хүүе хараач гутлаа хаячихаж. Ямар өхөөрдөм жижигхэн юм бэ? гэж Дайжушилэгт алган дээрээ шаахайг тавьж сонирхон харав. Сабраг шаахайг авч бас үзэх гэтэл Дайжушилэгт гараа зугтаалган,

- Хүлээ, хүлээ. Хоёулаа хойноос нь явья, Гутлыг нь аваачиж өгье гэж хэлж амжаагүй байтал түмтийн шивээнээс хэнгэрэг дуугарав.

Дайжушилэгт толгойгоо өргөж,

- Хэнгэрэг цохих чинь бас юу болно вэ? Явахаас даа хэмээн Сабрагийг гайхашран харж шаахайгаа гартаа эргүүлэн яахаа мэдэхгүй зогсов. Хоёр залуу ойр хавийг ажиглан бодолхийлснээ,

- Байранд нь орхичих. Эргэж ирээд авна биз. Тэр чулуун дээр эвтэйхэн тавъя гэлцэж шаахайн дотор сайхан улаан кандама цэцгээс тасалж хийгээд,

- Догь биз хэмээн нэг нэгэндээ нүд ирмэн цэргийнхээ хүрээ өөд таваргав. Тэр хоёрыг аахилан уухилан ирэхэд цэргүүд унтах нь унтаж, цай уух нь ууж нэгнээ амарцгааж байв. Оройны сэрүүнд сэргэж майхны хаяанд энэ тэрхнийг ярьж суугаа аравтынхнаасаа,

-Юун хэнгэрэг дуугарав? гэхэд Жамган өндөсхийж

-Энэ доор Бат хааны түмтүүд бууж байгаа юм гэнэ. Нэг л нүүгэлтсэн олон хүн морь бужигнана. Ихэнх нь кипчаг сармат цэргүүд гэнэ хэмээн өндөр дуугаар өчив. Сабраг Дайжушилэгт хоёр заасан зүг сонирхон харж, Бат хааны түмтүүд ирсэн нь энэ уү. Бидэнтэй хөдөлсөн Илжигдэй ноёны бусад түмтүүд хаана яваа бол. Тэдний холбоочдыг эс нэрлэвэл түмтийн бараа сүгийг нааш хөдөлснөөс хойш олж үзсэнгүй. Хойгуур Балхаш нуур дайраад явсан сураг гарсан гэж өгүүлэхэд Жутаа,

- Тугаар би ус авч яваад нэг хонхироод цэрэгтэй дайралдав. Манай бусад түмт Самаркандад хоцорч Есөнтөмөр хааны южиг, барлас, сартуул түмтүүдийн хамт маргааш ирэх юм гэж сонссон. Тэр үнэн байх гэж онигор нүдээ гялалзуулан бардамнан өгүүлэв.


Top
   
PostPosted: Sep.24.15 4:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3625
Location: Өвөлд
.


Top
   
PostPosted: Sep.24.15 8:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:


_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.25.15 7:33 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Дөрөвдүгээр бүлэг

Адуу хуухиралдан бөөгнөрч газар бөмбөлзөн чичирнэ. Уургач хүү адуугаа хураагаад эргэхэд намрын тарган азарга дэл сүүлээ намируулан бөөн хэсэг адуунд зүсэн орж цэрвэн бултаж хамраа тачигнуулан унгалдана. Намаржаандаа буусан айлуудын тооноор утаа хаялж, тулган дээр тарган махтай шөл пургин буцалж байв. Мөнхлүгэн авгай хананд өлгөж шар усыг нь шахаж дууссан хүүдийтэй аарцыг авч учсаар нимгэлэн зүсэж ааруул тавив. Адуугаа бөөгнүүлэн гуугачих хүүгийнхээ дууг сонсоод санаа алдаж «Миний муу хүү ч эрийн цээнд хүрлээ дээ. Одоо бас л цэрэгт мордож ахынхаа хойноос явна байх даа. Мөн ч их дайтах юм даа. Хэрэгтэй л юм байлгүй Бүх насаараа байлдаад явчихаар энэ мал сүрэг, гэр орон нь юу болдог байгаа юм бэ. Бүү мэд. Бүсгүй хүний богино ухаанаар бодоход малаа маллах нь илүү ономоорсон доо. Миний муу хүү хаана өлсөж цангаж яваа бол. Ээ хөх тэнгэр, онгод начгай минь миний Сабрагийг атаатны ам савраас зайлуулж хайрла. Эцгээсээ хойш тэр минь энэ гэрийг толгойлж өсөж өндийх гэж ядаж зүдэж яваа нялх амьтан юм» гэж наманчлан бодож суув.

Адуун сүрэг тогтож Жиглэгийн гуугачих намдлаа. Мөнхлүгэн эх хоймор ханын толгойд өлгөөтэй заяач онгондоо сааль сүү өргөж, тостой хуруугаа долоон дотоод хормойдоо арчаад чилсэн хөл дээрээ эмзэглэн доголсоор гэрээс гарч гүүгээ саахаар зэл өөдөө алхав Жиглэг морио уяад унага татаж өгөхөөр буцаж ирэв. Саам авсаар байтал нар хэвийж тэнгэрийн хаяа шармалтан ус намагтай ногоон хөндий, уулын арын ой шугуй зурсан юм шиг өнгө ялгаран дурайж байна.

Өнгийн цэцэг алаглаж, өвс толгойлон шарласан нарийн ухаа дээгүүр хээнцэр алхаатай бидэрт бор морь унасан хүн сайварлуулан айсуй. Сөд өвс ягааран цоохортсон чийглэг нугаас гарч дэнж өөд өгсүүлэхэд Жиглэг өөрийн анд Уулиранхай болохыг танив. Гэрийн гадна багшрах адуун сүргийн захад мориноос бууж зэлэнд ойртон ирэхэд Мөнхлүгэн эх хүүгийнхээ баярласан царайгаар хүн ирж байгааг мэдэж, сааж суусан бүдүүн зээрд гүүнийхээ цүндийсэн бөөрний цаанаас цухуйж,

-Аа! Уулиранхай хөвгүүн ирэв үү? гэж инээмсэглэн тал өгөв. Уулиранхай ичих мэт эв хавгүй займчин дөтөлж энгэрийнхээ товчийг товчлох адил хөдөлгөөн хийж, хамраа маажиж, тогтож байж чадахгүй гар хуруугаа элдэвлэн оролдож хулгай нүдээр Жиглэгийг ширтэнэ.

-Уулиранхай анд аа! Нааш ир! Унага таталц! Зэлний захад уяатай цагаан унага аваад ир гэж Жиглэгийг хэлэхэд хийх юм олдсонд залуу хөвгүүн баярлан ухасхийж, цовхчин дэвхцэх унаганы чагтыг мулталж өтсөн мэт арваганалдах хуруунуудаараа дэл сэрвээгий нь оролдож, чичивгэнэн ирвэгнэх хүзүүгий нь маажиж, сэтгэл ханасан байдалтай Жиглэгийн хажууд зогсоно. Хоёр хүү шивгэнэлдэн үг солилцож, сэм сэм хөхрөлдөж, хувинд нэг хэмээр хөөсрөн буух саамны төсрөөг амтархан сонсоно. Гүүн зэлэн дээр үүнээс илүү жаргал юу байх вэ!

Мөнхлүгэн эх цөөн хэдэн гүүгээ удаж төдөлгүй сааж дуусгаад гэр өөдөө явлаа. Хоёр хүү унагаа тавьж хөхүүлэх хооронд хурдан морь, ан ав ярилцан, үдэш Баянлиг баатрын хот уруу очихоор тогтов. Жиглэг цавьдар бор морио эмээллэж Уулиранхайн хамт Баянлиг баатрын хот уруу яаран дөмөн дөмөн алхуулж нарийн ухаа давав. Тэднийг баатрын өргөөнд ойртоход нар жаргаж саалинаас гарсан мал ойр хавь бэлчиж, айлын гадна утаа май суунаглаж аргал хомоол үнэртэнэ. Баянлиг баатрын хотонд хүүхэд багачууд шуугилдаж, хааяа ганц нэг зарц харчуул гүйцэгдэхгүй ажлаа хугаслах гэж морь малгай ноололдох ба айл уруугаа алхаж яваа өтгөс эмгэд энд тэнд үзэгдэнэ. Хот айлын зуүн жигүүрт дүнхийх чулуун зууханд их гал өрдөн төмөр хайлж үхрийн тулман хөөрөгний дуу тасралтгүй нүргэлнэ.

Жиглэг Уулиранхай хоёр үеийнхээ багачуулын цугларах дуртай Анхил охиных уруу чиглэв. Гаднаа нар салхинд өгөршиж цайрсан ханхай хасаг тэрэг арзайтал хураасан баруун хойд захын навтгархан гэрийн гадаах шонд морио уяад оров. Тэнд үеийн хэдэн охид хөвгүүд шагай харваж, морь уралдуулж сууцгаана. Анхилын эх, сайхан зантай намхан авгай сүү хөөрүүлж өрөм байлгах санаатай гуулин шанагаар тогоогоо самарч сууна. Галын гэрэлд түүний үрчгэр царай улаа бутран хүрлийж, хөлс даасан магнай нь толилзоно.

Анхилынх бас л монголын олон айл гэрийн нэгэн ижил бэлэвсэрч, эцэг Бордой Салидай жанжны удирдлага дор Зүүн жин, Солонгос газар дайтаж яваад морьт эргүүлд баригдаж Кожон вангийн нийслэл дэх Тэндо хаалганы дор цаазлуулсан билээ. Их хаан монгол эрсийн амийг нэхэн зүүн хязгаарын булга ард түмнийг шийтгэн хатуу ширүүн залхааж, одоо хэр хааны ордонд толгой болж барьцаанд суух олон Солонгос язгууртан байх боловч Бордой дайчны амийг яахин орлох билээ. Насан дээр гарсан Ажиндай эмгэн өмгөр муу гэртээ залуусыг цуглуулан цэнгүүлж, тэдний шуугианд хагацал зовлонгоо мартагнан суунам.

Хэдэн охидын дунд Аса, Усбум, Тугарай хэмээх адуучин залуус байн байн нирхийтэл инээд алдан шагай шад пад няслан сууна. Гэрийн баруун хойморт цагаан эсгий дээр гурван охин морь уралдуулж суусны дунд Баянлиг баатрын бага охины нимгэн цагаан царай гэрэлтэн үзэгдэв. Жиглэг тэр гоо бүсгүйг үзээд сэтгэл бадран урамшиж зорьсон хэрэг бүтсэнд санаа амран хатавчинд суув. Тоглож байгаа охидын цаана цагаан зээрийн арьсаар бүтээсэн даллагын савын өмнө морь уралдуулахыг харж суусан Анхилын дүү Сүгсэгээн хөвгүүн тайрмал үсээ сэгсэлзүүлэн өндийж,

- Жиглэг ах ирлээ. Нааш суу! Морь уралдуул гэж урив.

Жиглэг Уулиранхай хоёр хярам ууж охидын тоглоомд ээлжлэн оролцож суутал бүрэнхий болж удаж төдөлгүй ойр холын бараа үзэгдэхийг болив.

Нэмүүлэнтэй үерхэх охидын нэг Солонго биеийн чилээ гарган гэдийж,

- Юм үзэгдэхийг болив. Цөм гарч Буга хоморгоч болж тоглоё гэж санал гаргав. Охидууд баярлан өндийж,

-Тэгье тэгье гэж шагширцгааж уван цуван гадаалав.

Сэруү даасан намрын бүрэнхий дундаас сүүмэлзэх гэрүуд цайран харагдана.

Тугарай хүү хааны харваач баатар болно гэж одоогоос сургууль хийж сав л хийвэл хавчаахай нум барьж эрхий хурууг чилтэл элдэв юм онилон явах учир хавийн жаалуудад нөлөө бүхий байдагтаа бардамнаж хэзээ язааны сагсалзан ийн өгүүлэв:

-Би авлагч болно. Нэмүүлэн миний хорч. Уулиранхай, Усбум хоёр хоморгоч бол. Бусад нь буга гэж өгуүлэв. Жиглэг түүнийг эсэргүүцэн,

- Чамайг хэн авлагчаар сонгов? Бид сонгоно гэж зөрөхөд Нэмүүлэн нэгэнт өөрөө хорч болохыг дуулаад, түүний хэлснийг үл зөвшөөрч,

- Тугарай авлагч болог. Түүний авлахыг узье. За юу? гэж Жиглэгийг аргадсан байдалтай гуйв.

Баянлиг баатрын охины хүслийг сөрөх барлаг ардын хүүхэд гарсангүй, цөм толгой дохицгоон,

- За тэгье. За тэгье гэцгээв. Гагцхуү Уулиранхай Жиглэгээс салж тоглох болсондоо дургүйцэж,

- Би хоморгоч болохгүй. Би буга болно гэж хошуугаа унжуулан дургүйлхэв.

Хүүхдүүд яаж тоглохоо хэлэлцэж, хэл амаа ололцож ярилцсаны эцэст шон дээрээс морьдоо авч цэнхэр униар дунд бут бургас харлан харагдах өтгөн өвст тал уруу таран давхиж буга намнах тоглоом эхэллээ.

Морьдын хөл доор өвс сүржгэнэн хоморгочоос нуугдсан буганууд бургасны сүүдэр даган гэтнэ. Буга авлахаар яваа хорч, ангууч хоёр хоморгочдоо араар нь явуулж өөрсдөө зугаалах мэт тайван алхуулна. Хоморгочид бугануудыг хоёр гурван удаа гэндүүлж энд тэнд торойх бургас нэгжин үргээж хоморгочлох дөхсөн боловч Жиглэг бусад нөхдөө чадмаг дагүулан Тугарайн хамар доороос мултран гарсаар байв. Толгой нь эргэж гайхсан авлагчийн будилахыг бургасан дотроос ажиглан нам дуугаар шоолон инээлдэцгээж нэг нэгийгээ чимээгээ аядахыг сануулан нудралцан морины амыг татан түлхэлцэж байв. Уулиранхай, морин дээрээ тогтож ядан үргэж зугтахыг яаран биеэ хураан бөмбөлзөн байгаа Сарнайгоо охины морийг амгайдан барьж харанхуйг ширтэн байснаа Жиглэгт дөхөж ийн өгуүлэв.

-Жиглэг ээ! Энэ Тугарайн ангуучилж байгааг, Ойн цоорхойд өдөө дэлгэн, биеэ сайрхагч тогос шувуу буюу. Баатрын охиныг дагуулж орчлон хорвоог мартжээ. Дагуулыг нь оргуулан зайлуулъя. Тэгвэл түүний сагсалзах уушги зүрхийг дарах биз гэхэд Жиглэг баяртайгаар дэмжиж

- Түүний эргүүтэн будилах нь сүүлэндээ хүрэхгүй эргэлдэх гөлгөн хав адил. Ийм учир чиний саналыг дагаж хорчийг хулгайлан зайлуулъя гэж харанхуйд нүд нь гялалзан амьсгаадан шивгэнэв. Тугарай Нэмүүлэн хоёр хомрогоч нараа ажиглан бургас бүрийг сэжиглэн хялбалзсаар ойртож харагдав. Нэмүүлэн гоо охины унасан цагаан сортой ягаан саарал морь сарны гэрэлд мөнгөөр цутгасан мэт сүүмэлзэн туяарна. Тэр хоёрыг сэхээ авч амжаагүй явтал Уулиранхай хоёр охиныг дагуулан эсрэг талын бургас өөд исгэрэн гуугалан давхив. Тугарай гурван буга үзэж Жиглэгийн сүудэрт нь зогсох бутыг нэгжиж үзсэнгүй хажуугаар нь анзааргагүй өнгөрч зугтаж буй бугануудыг хөөж гарлаа. Түүний хойноос Нэмүүлэн морио ташуурдан бургасны сүүдрээр өнгөрхүйд Жиглэг ухасхийн цулбуурдан татваас морь гуядагдан эргэж Нэмүүлэн санаандгүй явсан хар эрчиндээ Жиглэгийн өвөр дээр савагдан унав.

Жиглэг самгардаж гайхсан Нэмүүлэнг урдаа бөгтрөн дүүрч морийг нь хөтөлсөөр сүүдэр даган бургасыг сэм ороож хулжин давхилаа. Хорч охин сэхээ авч агсамнан давхиж одсон авлагчийг дуудан дуу тавивч Жиглэг гол уруудан нэгэнт алсад гарсан байв.

Хээр газар хоёр морь үүрсэн зогсох нь аль нэгэндээ хоргодон эргэх хун шувуу гэлтэй. Жиглэг морныхоо хажууд инээд алдан зогсож байв.

- Нэмүүлэн битгий тэвд. Би зориуд Тугарайн омголон сэтгэлийг дарах гэж чамайг хулгайлав, тэр чамайг дагууллаа гэж ихэд бардам байхыг этүгэн эх үзэж бяцхан хашраахаар намайг илгээв. Чи түүний тааллыг эрхбиш дагах буй заа хэмээн өгүүлэхэд бахим хар хүчинд автагдан танихгүй газар ирсэндээ уурсан давшлах алаг нүдэн охин Жиглэгийг бүрэнхийд таньж омог нь яльгүй дарагдав.

- Чи наадмын дэг эвдэж буга байтлаа намайг хулгайлав. Би ингэж тоглохгүй гэж гоморхон аашилж Жиглэгийн гараас мориныхоо цулбуурыг булааж авав.

-Эзгүй хээр газар хорчоо орхиж, ан авын хойноос мэдрэлээ алдан давхигчаас сайн явдлыг хүсвэл саран унахаас эмээн хярагч туулай мэт бус уу? Чи бүү бухимд. Хорч юунд ч өртөж болно биз ээ? Бугын эвэрт ч сүлбүүлэх байдаг бус уу? Эс зөвшөөрвөл хорч чи буга намайг авч яваад гавьяа байгуултугай гэж ягаан саарал мориных нь дөрөөг барьж өгөв. Нэмүүлэн Жиглэгийн хэлснийг сая ухаарах мэт нүүр өөд ширтэн хэсэгхэн бодолхийлснээ,

- За яах вэ. Хорч буганд сүйдэв. Авлагч түүнийг эрж олно биз. Хорч явснаас гоо марал болж үүлэн чөлөөгөөр дүүлэн дүүлэн харайлгаж энх талдаа цэнгэх нь сэтгэлийн баясгалан буй заа гэж хэлээд инээвхийлэн Жиглэгийг цулбуурын үзүүрээр ороолгохоор сүрдүүлэн далайснаа болив. Нэмүүлэн сэтгэл амрах мэт санаа алдаж харанхуйн дунд улбалзах айлуудын галыг ширтэн, буга намнан хашгиралдан хөөцөлдөх залуусын чимээг чагнан,

- За хоёулаа явъя. Тоглоом дуусчих нь гэж яаруулав. Жиглэг эмээлийнхээ олмыг чангалан Нэмүүлэнгийн зүг инээмсэглэн харж,

- Нэмүүлэн чи юундаа яарна вэ? Би чамаас үг асууя. Чи ямар хүний эхнэр болохыг хүсэх вэ? Чиний ханилсан эр үзэсгэлэн гоог чинь үзэн үзэн уйдахгүй энэ дэлхийн жаргалыг өвөртөлсөн мэт бардамхан явах буйзаа гэж шагшран шивгэнэхүйд усгал зөөлөн харцтай залуу охины мойл мэт хар нүд цочисхийн түүн дээр тусаж,

- Миний хэнтэй ханилах чамд ямар хүртээлтэйсэн билээ. Охид бид энэ дэлхийн эрчүүд дотроос эрэмгий зоригтой, төлөв даруу, нуруу тэгш, түшиг тулгууртай тийм эр заяахыг мөрөөдөн суудаг билээ. Миний хүсэн хүлээх тэр эрийг хөх тэнгэр ивээж надад илгээх эсэхийг би яахин мэдэх билээ. Харин тэр минь ирж сэтгэлээ илчилнэ байх гэж хүлээн сууна.

- Тэр эрийн алдрыг над хэлээч. Тэр аавын азтай хүү хэн болохыг мэдэх юмсан гэж сэтгэл догдлон шалгаав.

- Тэр хүний нэрийг би чамд илчлэхгүй. Цаг нь ирмэгц аяндаа мэдэгдэнэ гэж түүний догдлохыг ажиглан хөгжилтэй хөхрөв. Нэмүүлэн охин мориныхоо дэлэнд эрүүгээ тохон Жиглэг хөвгүүний муухан мушилзахыг ажиглан зогссоноо,

- Чамд Сабраг ахын чинь дээл сайхан зохижээ, Чи ч бас охидын сэтгэлийг татах болж шүү гээд дээлийн нугалаасыг илж үзэв. Жиглэг хөмсгөө зангидан залуу охины тархин толгойд эргэлдэх бодлыг таахыг хичээн бодлогоширч,

- Миний дээл ч яах вэ. Чи тэр хүнийхээ алдрыг надад илчлээч. Шударга тулалдаанд тэмцэлдэж эрэгчин эмэгчнээ үзэлцэх юмсан. Хүлэг сайн морио унаж зам харгуй тосон отож, хаан эцэг Есүгэй баатрын Өүлэн үжин эхийг олзлон булаасан лугаа адил үзэсгэлэнт хатан чамайгаа эрийн сайнаар булаан авах юм сан гэж мөрөөдөнгүй өгүүлэв. Нэмүүлэн шоолон хөхөрч,

Чи намайг тугаар хулгайлаад зогсож байгаа бус уу? Эсвэл би чамайг дагаж энд ирэв үү? гэж мориныхоо хошуунд толгойгоо наан хошигнохуйд гэнэт далд санаа өгч байгааг нь Жиглэг ухаарах шиг болж баярлан ухасхийв.

- Хайрт Нэмүүлэн. Чи миний ханилах эм болооч! Чи над сэтгэлтэйгээ илчлээч! Би чамайг үүрд хайрлан дээдэлж явах болно гэж бүсэлхийгээр нь тэврэн авав. Нэмүүлэн бусган зүтгэж түүний гараас мултран,

- Жиглэг чи яаж байна? Би тоглож хэлсэн юм. Чи сайхан хархүү гэвч балчир байна. Чи эрш. Тэгээд ойлгоно. Болиоч! гэж тэврэхээр ноцолдон буй гарыг нь түлхэж мориндоо үсрэн мордов. Залуу хүүхний голын бургас мэт гунхалзан туялзах биеийг мэдрээд ухаан алдсан хөвгүүн морины жолооноос зууран үзэсгэлэн төгс царайг нь олж харах хэмээн өлийн,

- Нэмүүлэн! Байз хонгор Нэмүүлэн гэж үглэн тэмүүлэхүйд,

- Жиглэг чи надад дахин энэ мэт үг бүү хэлээрэй. Би ичиж байна. Манайхаар битгий ир! Дараа чи тохитой хүрч ирэх өдөр гэмшин харамсах болно шуү. Би харъя гээд мориндоо ташуур өгч сарны туяанд шарангуйлан сааралтах өтгөн өвст хөндий тийш давхин одов. Жиглэг сааралтан сүүтэгнэсээр бут бургасны дунд төөрөн одсон цоглог охины барааг олж харах гэж хүчлэн ширтсээр ганцаар хоцров.

Жиглэг адуу адуулах завсраа Баянлиг баатрын хотонд очих хүслэнд автан униартан зурайх ухааг байн байн ширтэх боловч очихыг нь Нэмүүлэн нэгэнт хорьсныг санаж яаж ч чадахгүй бухимдан гунихран хэдэн өдрийг барав. Хийх юмаа олж цөхөн гэрт гадаа орон, гаран гиюүрэн суухуйд Уулиранхай түүнийг дагуулан хөвчид гарч хэрэм, туулай эргүүлэхээр явав. Тэд хөвчид хаягдаж орхигдсон хиргисийн хар балгасанд очиж боржин чулуу засаж босгосон нуринг өрөөний томоос нь сонгож чулуун хананы завсраас ургасан хар модны сүүдэрт морио хантайрч замдаа намнасан уулын борхиор боодог хийхээр суув. Тарваганы арьсыг туламлан өвчих зуур Уулиранхай бодолд унан гиюүрэх хөвгүүний бөөр уруу түлхэж,

— Хөөе Жиглэг өвчүүнээс нь сайн татаач! Арьсыг нь цоолчих гээд байна гэж зэмлээд - Чи чинь амандаа ус балгачихсан юм шиг юунд дүнсийгээд сууна вэ? Бид хоёр анд нар шүү дээ. Би зовиураас чинь хуваалцъя гэж өгүүлэв. Жиглэг муухан жуумалзаж нүцгэн махыг өвчүү цээжнээс нь татаж арьсыг нь шувталж хаяв. Бодлоо үргэлжлүүлэн “Би чамтай юугаа хуваалцах вэ анд минь. Нэмүүлэн намайг балчир гэж голсон тухай гомдоллох уу. Энэ нутагтаа надаас өөр моринд эрмэг хэн байх билээ? Эмнэг даагыг би чихнээс нь ганц мушгиад унагадаг биш үү? Ан авд сурмаг дадмаг, ажил хөдөлмөрт хэнээс ч дор орохгүй байтал намайг юунд эрш гэж хэлсэн юм бол?” хэмээн Нэмүүлэнгийн жингэнэсэн цээлхэн дууг санан санан бодлогоширсоор байв.

Жиглэг тарвагаа хуйхалж хярваслах хооронд Уулиранхай балгасны тагтан дээгүүр гүйж тэндээс унжсан модны үндсийг дамжин үүлэн шатаар авиран давхарлаг гэрийг хамгаалагч дайсан этгээдтэй алалдан тэмцэлдэх дүр үзүүлэн маяглах боловч нөхрийнхөө сэтгэлийг сэргээж дийлсэнгүй.

Хоёр хөвгүүн тарвагаа боож үг дуу цөөтэй идэцгээгээд хажуугийн горхиноос цүрдийтэл ус ууж аваад гэрийн зүг мордов. Буцах замдаа морьтой тэрэгтэй хэсэг аянчидтай дайралдаж юун улс болохыг сонирхвол этгээд шовгор малгайтай сахал үсэндээ дарагдаж халуун зунаар цэгдэг өмсөж дээр нь сиймхий шаагаар доторлосон чөдөр захтай дах маягийн хамба хилэн дээл нөмөрч энгэрийг нь задгай тавьсан хэд хэдэн өнгөт нүдтэн, ганц хоёр монгол цэрэгтэй сажлуулж явав.

Өмсөж зүүсэн хувцас нь нар салхинд гандаж, аянд алжаасан царай нь өгөр дааз барлайцгаана. Хөвгүүд аянчдын цувааг тосон очив. Этгээд хувцастай таламч мориныхоо амыг татаж,

- Миний дүү нааш ир! Замд ойр айл бий юү? гэж асуув.

- Бий, бий. Далтын давааны ард хэсэг айл бий гэв.

Нөгөө хүн морио давиран хөдлөхөд хойноос ньЖиглэг хашгирч,

- Xүүе! Харь газрын иргэн! Энэ юун улс явна вэ? гэж сонирхвол,

- Ромын вангаас Гүюг хаанд илгээсэн хамба лам Карпини гэгч элч морилж явна гэж өндөр дуугаар хариулаад аянчдын цувааг гүйцэхээр ергүүлэн одов. Уулиранхай Жиглэг хоёр тэдний хойноос гайхан ажиглаж.

- Нөгөө Жардан тэнгисийн эрэгт усанд нэг далд орж, нэг ил гарч байдаг улс шив дээ. Сабраг ахын минь дайтахаар морилсон улс болов уу гэхэд

- Биш ээ биш. Тэнд миний эцэг Шибани хааны цэрэгтэй байлдан очиж аль эрт дагуулж дуусгасан газар. Сабраг тэр зүгт морилоогүй биз. Өвдгөндөө үегүй сонин янзын улс амьдардаг гэх чинь билээ хэмээн ярилцсаар гэрийн зүг сажлав.

Тэр хоёрыг явсаар байтал нар жаргаж од мичид түгж эхлэв. Тэнгэрийн хаяанд үдшийн гялаан анивалзан байтал нэг мэдхэд долоон бурхан, марал мичид тодров.

Жиглэг морины алхаанд бүүвэйлэгдэн бодолхийлж «Нэмүүлэн намайг юунд элдэвлэн хөөнө вэ? Эсвэл би үнэхээр нас бага, цус шингэн амьтан уу? Цэрэгт хурдан мордох юм сан. Эрийн цээнд хүрэх юмсан. Нэг өдөр л надад гэртээ ир гэж хэлэх буй заа. Тэр цаг хэзээ болох юм бол. Намайг бүү ирээрэй гэснээс биш, бүү уулзаарай гэж хэлээгүй шүү дээ. Нэмүүлэнтэй хээр талд тосож уулзъя. Нэмүүлэн надад талтай гэдэг нь түүний нүднээ илхэн байдаг биш үү? Алс хол яваа ах минь байсан бол хэлж туслах байсан бус уу? Хэлж сургахгүй ч атугай ганц нэг ширвээд учир явдлыг тодорхой болгох байсан биш үү?» хэмээн ахынхаа хүнхэр магнай дэрвэгэр сормуустай нүд, сонжих мэт бодолхийлэн ширтэх харц зэргийг ургуулан санах үед

- Сүүлт од гарчихаж! Хараач! гэж сэтгэл хөдлөн бархирах Уулиранхайн дуу гарав. Тэр хоёр сүүлт одыг ажиглан давхисаар гэртээ буухад Мөнхлүгэн эх гал дээр ээзгий буцалгаад сууж байв. Жиглэг ороод ханын толгойноос өлгөсөн хөхүүртэй айргийг сурсан зангаараа хайнгадуухан бүлж,

- Ээж ээ! Сүүлт од гарчихаж гээд гадагш толгой дохив. Адсаган дээр хойморт суусан Уулиранхай тооно өөд ширтэж.

- Мөнхлүгэн ажаа! Тэр харагдаж байна. Эндээс хараа гэж дээш заав.

Гурван шаргаас доохнуур урт цагаан сүүлээ сагсайлган тэнгэр өөд цойлон дуүлэх алтан гургуул аятай од тооноор савсах уур утаанд тодорч бүдгэрэн хөдлөн нисэх шиг харагдана.

Мөнхлүгэн эх тооноороо өлийн ширтэж,

- Ээ хөх тэнгэр! Нээрээ сүүлт од байна. Юу болох нь энэ вэ. Их дайн эхэлж, эмс хүүхдүүдийг өнчрүүлж, орчлон ертөнцийг гай гамшгаар нөмрөх гэж байна уу? Сабраг хүү минь мэнд яваа байгаа? Эмээлж онгон минь түүнийг өршөөн нийгүүлс гэж дуу алдав.


Top
   
PostPosted: Sep.28.15 12:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд гэж.

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.28.15 9:15 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Тавдугаар бүлэг

Өглөө орсон цас зүсэр хүйтэн бороо болж хувирав. Цасанд овойтлоо даруулсан модны мөчир гудайхаараа гудайж, зарим нь их чимээ гарган хугарч байв. Уулын энгэрийг битүү хучсан цас цоохортон ханзарч, дороос нь нов ногоон өвс цухуйна. Газар бамбалзан нэвчиж уулын замаар шавар шавхай нэлийж, морь халтираад, явахад садаатай. Хамаг дээл хувцас нэвт норж, ясанд хуртэл жигнэж, шаварт будагдсан дээлийн хормойноос ус дусална.

Дусаал бөнжигнөн гүйх дуулганы саравчин доогуур эвэрлэг модны төгөл, манан татсан Харадага уулын хяр, нарийхан хавчиг ам бүүдийн харагдаж, уйтгартай нь аргагүй сааралтаж байв. Дайжушилэгт морио давирч Сабрагийг гүйцэж ирэв.

-Хамаг сүлд минь уналаа. Чи тэр Минсэлийг хараач! Нугдайчихаад удахгүй амь тавих нь! гэж тэднийг зуузай холбох үед Сабраг инээмсэглэн өгүүлэв. Дайжушилэгт Сабрагийг заасан зүг харж өөрийн эрхгүй инээд алдав. Минсэл элгэндээ хошуугаа шаан дэглий шиг бөгцийн сууж морины алхаанд найган ганхаж явлаа.

-Ямар их усархаг бороо вэ! Өдийд манай түмт магад шивээлээд буусан байгаа даа гэж Сабрагийг мөрөөдөнгүй өгүүлэхэд Дайжушилэгт мэдэмхийрэн,

- Тэврист буучхаад худалдаачдынхаар хэсэж чайдархан зооглож суугаа биз. Лав өчигдөр Гиляны Улаан усны голоос хөдөлж байгаа сураг гарсан. Чи ядарч явна уу? Удахгүй энэ даваа даваад манай мянгат цугларна гэсэн. Тэгээд бууж амрах байлгүй гэж урагш тодорхойгүй заав. Сабраг хүзүүгээ даган урсах дуслыг алгаараа арчив.

- Гал түлж хувцсаа нэг сайн хатаах юм сан. Замд Желал Ад-Дины тэнэмэл цэргүүд дайралдвал хөг нь өнгөрнө шүү гэж болгоомжлон өгүүлэхэд,

- Тэд юугаа хийж энэ хар усан борооноор явдаг юм бэ. Хүн юм чинь бас л нэг газар борооноос хоргодох санаатай байлгүй дээ. Мазандараны ойд манай олхон цэргүүдийг гэнэдүүлж дайрсныг сонссоноос хойш өдий хүртэл тэр цэргүүдийн барааг олж харсангүй. Өдийд дайралдаагүй байтлаа очиж очиж өнөөдөр юу л гэж дайралдав гэж гэснээ,

- Аравт шогшоод гэж морио давиран хэлээд холдсон зуутын шолхойж унжсан хөч голтой тугийг гүйцэхээр ергүүлэв,

Жүржиг баатрын зуут нойтон цас хунгарласан даваа давж нааш уруудсаар голын өндөр дэнжид босгосон чулуун цайзад тулж очлоо. Голын гарман дээр ямаан хантаазтай нэгэн өвгөн мод үүрч явснаа зэр зэвсэг агссан цэргүүдийг үзэж баглаатай гишүү мөчрөө чулуудчихаад цайз өөд майжигнан зугтав. Хоёр залуу цэрэг жагсаалаас сугаран давхиж замыг нь боож хориход тэр өвгөн газар сөгдөн унаж муухай дуугаар гаслан бархирчээ.

Жүржиг баатрын зуут дөхөж очиход монхор урт хамартай өвгөн царайгаа хачин үрчийлгэж,

- Вай вай гэж их дуу тавьж байлаа. Жүржиг баатар морин дээрээсээ тэр өвгөнийг тонгойн ширтэж

- Чи юу гэж их дуугаар орилно вэ? Миний үзэхэд энэ гүрж хүн шиг байх юм. Энэ Армен нутагт юу хийж яваа хүн бэ? гэхэд тэр өвгөн сая нэг сэхээ авах мэт дуугаа хурааж бөмбөгнөн Жүржиг баатрыг бүлтийн ширтэхэд тэр хуруугаараа занган,

- Чи монгол цэргүүдээс юунд эмээнэ вэ? Чи Желал Ад Дины оргодол цэрэг биш биз хөө? гэхэд тэр өвгөн гараараа дохиж,

- Желал Ад Дин яман, яман![1] гэж хоолойгоо гараараа огтлох мэт зангаж,

- Желал Ад Дин яман! гэж дахин дахин үглэнэ. Жүржиг баатар чулуун цайз тийш дохиж,

- Тэнд Желал Ад Дины цэрэг байна уу? гэж асуув. Өвгөн толгой сэгсэрч,

- Желал Ад Дин яман! хэмээн үглэсэн чигээрээ газар суусаар байв. Түүний хар эсгий юүдэнгийн цаанаас цухуйх буурал үс, мөрөндөө эгэлдрэглэсэн хөх ямаан хантаазнаас нь борооны дусал бөнжигнөн дусална.

- За тэгвэл явъя! гэж Жүржиг баатар өвгөнд дохиж өмнөө туусаар чулуун цайзны хаалттай хаалган дээр ирэв. Тэр өвгөн Жүржиг баатрын дохиогоор хаалга нүдэж арменаар хэдэн үг хашгирваас удаж төдөлгүй оньс төмөр түржигнэн хаалга хяхатнан онгойв. Цаанаас нь урт хар өмсгөлтэй айж цонхийсон бабтист лам цухуйж гартаа алтан хэрээс өргөн цэргүүдийг адислан угтав.

Жүржиг баатар сурсан байдалтай бөхийж хэнэггүйхэн адис аваад цэргүүдээ дагуулан цайзад оров.

Дайжушилэгт аравтаа дагуулан хашааны мухар дахь байшинд буув. Цэргүүд том задгай зууханд асах гал тойрон шахцалдан сууцгааж норсон хүвцсаа ээнэ. Харанхуй байшингийн мухарт охид хүүхнүүд чихцэлдэн галын өмнө хуяг дуулга шаржигнуулан, нойтон дээлнээсээ уур савсуулан хачин этгээд хэлээр түргэн түргэн ярилцагч харь цэргүүдийг эмээсхийн ажиглан хөдлөхөөс нь хүртэл цочин айцгааж байв. Эм хүн шиг мах мяраагай баясгалантай царайт улаан Абагахирилтуг, том хөх нь бариу улаан цамцны цаанаас багтаж ядан түнхийж чадайсан царай муут нутгийн хүүхнийг элдэвлэн оролдож,

- Хөөе идэх юм байна уу. Юунд мухарт шигдэнэ вэ! Нааш ир! Нааш ир! Мах хэрэгтэй. Мах мах! Шорлог шорлог! гэж дохиж байв. Жамган Абагахирилтугийн дуудаад байгаа хүүхнийг харж,

- Пөөх наадах чинь сахалтай эм байна шив дээ. Чи үзэхгүй байна уу гэж ярвайн өгүүлэхэд галд ээцгээсэн аравт хөхрөлдөн тэр хүүхний зүг цөм эргэж харцгаав. Абагахирилтуг өөрийнхөөрөө зүггэж,

- Юуны чинь сахал вэ. Тэр зүгээр уруулын омогны сүүдэр байна. Үүнээс сайхан хүүхнийг чи хаанаас олох вэ? Харуутын нусгайчууд хүүхэн ялгахаа алд даа гээд нөгөө эм өөд дөхөж

- Өө миний хөөрхөн царайт нааш ир! Нааш ир! Шорлог! Шорлог аваад ир гэж хошуу цорвойлгон нэхэв. Тэр түүхэн гараараа дохин хориглож «битгий ойрт» хэмээн арменаар уянгалуулан үглэж хойш ухрав. Абагахирилтуг нөхдийнхөө наргианд улам гаарч сэлмээ сугалан.

-Шорлог хэрэгтэй Мах! Мах! Энэ сэлмэнд шорлочих мах олоод ирээч хэмээн чичлэн дөхөв. Нөгөө хүүхэн хэлснийг нь ойлгосонгүй. Ухаан алдталаа айж муухай орилон толгойгоо даран Абагахирилтугийн хөлд хөсөр унав. Буланд чихэлдэн суусан хүүхэд хөгшид хана даган тарж зугтав. Сабраг нөхдийнхөө инээлдэхийг харж

- Абага боль боль! Наадуул чинь үнхэлцгээ хагалчихна. Сэлмээ сугалдаг нь ч юу вэ дээ гэж зэмлэнгүй хорив. Абагахирилтуг сэлмээ хуйлж нөгөө хүүхнийг сугадан өргөж,

- За бос бос! Юунаас айдаг юм бэ Тоглоом даадаггүй монш уу даа'

Мах гэж хэлэхийг ойлгодоггүй юм уу? Пөх ямар хүнд амьтан бэ! гээд өндийлгөж хөл дээр нь босгов. Тэр хүүхэн айснаасаа чичрэн уйлж байв.

Гэнэт гаднаас нэг монгол цэрэг гүйн орж ирэв.

- Дайжушилэгт танай аравтыг гол уруудаад хайгуул хийгээд ир гэнэ. Саяхан эдний эрчүүдийг Желал Ал Дины тэнэмэл цэргүүд хүчээр дайчилж цэрэгт аваад явжээ. Зүүн амнаас Хаданчигай баатар ирж явна гэнэ. Түүгээр тэдний мөр дайралдаагүй. Уруудсан л байж таарна гэж амьсгаадсаар өгүүлэв.

Дайжушилэгт цэргүүдээ дагуулан цайзнаас гарлаа. Үерлэн булингартсан усны нэг цаана нэг наана гарч сүлжин давхисаар нэлээд уруудав. Бороо зогссон боловч тэнгэр бүрхсэн чигээрээ дүнсгэрхэн. Түүний унасан үүлэн цоохор морь бодлогошрох мэт толгойгоо гудайлган хатирсаар байв. Бороонд норж өнгө нь тодорсон дээлийн хормой салхинд эвэршиж, буурал морины зүстэй өнгө ялгарахыг байж өгөршив. Гагцхүү мөнгөн тоногтой цэмбэн хэлтэй хударга ба дуулганы залаан дахь молцогт хиур гал улаанаар улалзан авай.

Гол уруудах тусам мод шугуй тарчигдаж, хааяа ганц нэг хайлаас, бут дайралдахаас өөр ногоорох ургамал харагдахыг болив.

Харгана шаваг энгэрээр нь тарлантах нүцгэн улаан хадат уулыг харахад Алтай нутгийг өөрийн эрхгүй санагдуулна. Яаравчлан тэмүүлэх морьдын туурайн дор нойтон элс шаржигнаж, чийгтэй бүлээн агаарт амьсгал тавигдаж, шарилж гангын үнэрт хамар цоргино.

Урагшлах бүр зам боосон хад чулуу ярагдан эрэг ганга, гүвээ цайдам элбэгтэй уудам шар хөндий залгав. Газрын байдал тэлэгдэж. холын бараа харагдмагц болгоомжлон мяраах хөдөлгөөн тавигдаж зоримог шулуун явах болжээ. Гэсэн хэдий Сабраг ч, бусад нөхөд нь ч тэр өөрсдөө анзааралгүй хашир зангаа гаргаж үе үе газар ширтэн шинэхэн ул мөр ажиглаж явлаа.

Дайжушилэгт цэргүүдээ дагуулан хатирсаар нэгэн элсэн гүвээн дээр гарч иртэл өөдөөс нь хар эрчээрээ давхиж яваа гуч гаруй цэрэгтэй санамсаргүй таарлаа.

Тэдний дуулгаа ороосон цагаан чалма алчуур, салхинд дэрвэлзэх өргөн шалбуур өмд, хорезм газрын туушин судалтай дээл дээр угласан хуяг нь тодоос тодхон харагдана. Тэдний нэг нь Дайжушилэгтийн аравтыг анзаарч бусдадаа анхааруулан хашгирхад тэднийг их цэргийн толгойн анги гэж болгоомжилсон уу эсвэл хатгалдахаас зайлсхийх чухал шалтгаантай явсан уу алин боловч мориныхоо амыг эргүүлж зүг буруулан дутаалаа.

Чулуун нүдээ том болгон,

- Тэнэмэл цэргүүд! Тэнэмэл цэргүүд! хэмээн сандран хашгирав. Дайжушилэгт мориныхоо амыг огцом татаж.

- Битгий орилоод бай! Чамтай чамгүй харж байна гэж уцаарлангуй өгүүлэв. Сабраг буруулж яваа эсрэг талын цэргийг гайхан харж,

- Эд нар буруулж байх чинь. Ар хударгаар суух биш биз? хэмээн болгоомжлон хэлэв.

- Харин юу л болдоо. Ямар ч байсан хойноос нь зайтайхан дагая. Аргай Тайшир хоёр эргэж Жүржиг баатарт хэл хүргэ! гээд мориндоо ташуур өгч дайсны далд орсон хадтай жижиг толгойг чиглэн шогшуулав. Өвөрт нь хэдэн сайхан сүглэгэр хайлаас ургасан хадтай толгойн энгэрийг ороон өнгийв. Цаад талын шар хөндийд холдож одсон цэргүүдийн хар хар дүрс торолзон, бударгана сагсуул сүлжин далд орж харагдав. Дайсны морьдын мөр нойтон газар тодхон зурайна. Дайжушилэгт тэр мөрийг хөөн харуй бүрий болтол цогиулав. Удалгүй үдшийн гэгээ тасарч мөр үзэгдэхээ байлаа. Тэдний хажуу хавиргаар ургасан бут сөөг, дов сондуул нүдний буланд өртөж давхийн цочоох боловч морины алхааг зөнд нь орхиж. адгуусны увдисанд найдаж харанхуйд эс үзэгдэх мөрийг мөшгөн хөөсөөр байв. Хөвөөгөөрөө армаг тармаг тоорой модтой, үерийн ус шоржигнон урсах жалга даган уруудсанаа, баруун талд нь гарч, чигээрээ өгсөж гүвээн дээр гарвал сүүдэрт гялалзах хоргой шиг олон гал анивалзан улалзахыг харанхуй дундаас үзэцгээлээ.

Цэргүүд Дайжушилэгтийн дохиогоор мориноосоо бууж дарга дээрээ цуглав.

- Шивээлэн буусан цэргийн хүрээ байна. Адуу мал нь хаахнуурыг мэдэх хэрэгтэй. Болор чи мордож хэл хүргэ. Бид энэ жалганд нуугдаж байя. Харуулын цэргүүдтэй таарчихуузай. Мэдээтэй яваарай гэж харанхуй дундаас Дайжушилэгт хэлэхэд Тогосболор,

- За мэдлээ гэж гонсгорхон дуугараад мордож жалга уруу орж алга болов. Үлдсэн хэд морьдоо жалганд оруулж хантайраад харганы ёроолд хэвтэн аньвалзан гялбалзах задгай галуудыг ажиглан дуу шуугүй хэвтэцгээв.

Сабраг Дайжушилэгт хоёр нэг нэгэндээ наалдан чийгтэй хүйтэн агаарт дулаацахыг хүсэмжлэн хэвтэх зуураа

- Хоёр зуугаад гал байна. Мянгаад цэрэг бий болов уу гэж Абагахирилтуг хажуугаас шивгэнэв. Дайжушилэгт хэсэг бодолхийлснээ,

- Мянга таван зуугаас хэтрэхгүй. Харуулын цэрэгтэй нийлээд хоёр мянгаад цэрэг байгаа болов уу. За байз. Минсэл, Жамган, Минжүүр гурвыг ойртуулаад үзье гэв.

Нум саадгаа агссан гурван эрсийн сүүдэр сүүтэгнэн тал тал тийшээ сэрэмлжлэн харсаар бүрхэг харанхуйд уусан алга болов. Тэмээний арьсаар хийсэн гутлын зөөлөн уланд гишгэгдэх элс шаржигнах чимээ хааяа хааяа сонстож байснаа дарагдав. Тэд хүлээсээр байв.


Top
   
PostPosted: Sep.28.15 9:23 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Зургадугаар бүлэг

Жиглэг намрын тарга авсан зээрд морио давиран тэртээ хойно бараантах уулын хормойд ирвэгнэн цайрах том цагаан гэрийг чиглэв. Сөл нь тасраагүй шар талд үхэр хонь бэлчиж. цаагуур нь хөндий даган энд тэнд айлууд буусан харагдана.

Үд дунд халуу шатмаар аядаж зуны дулаан өдрүүдийн үдлэг ирэв шүү гэж дохиолох адил ар шилнээс халуу төөнөнө. Жиглэгийн ам цангав. Хүнүйн голын эрэгт бууж хайрга сайран дээр дөрвөн хөллөн бөхийн амттай хүйтэн усанд нь хошуугаа дүрэн ховдоглон соров. Түүний тарган зээрд морь залхуурч үүрэглэнгүй зогссоноо гэнэт шийдэх мэт эзнээ дуурайн усанд хошуугаа дүрэн амгайгаараа ус савируулан шимэв. Морио услаад гол гарч хатсан намаг, довон дундуур туучин дэнж өөд сайварлуултал хонины бэлчээрээс цайвар тэрлэгтэй охин мордож амдан давхилаа. Тэр бүсгүйг Жиглэг даруй танив. Жиглэгийг гоочилъюу гэхээс тэсэж ядан дүүлэх Ойгон охины шооч гурвалжин нүд тодоос тод үзэгдэх шиг болов. Үүгээр явсандаа харамсаж, мориныхоо жолоог өөрийн эрхгүй татан хоньчин охиныг дөхөж ирэхийг хүлээзнэв.

Ойгон түүний ичимхийг нь мэдэх учир нүүрийн нь зориуд улайлгах гэж тэр холоос яаран давхин ирэх нь энэ. Жиглэгийн ичдэг явдал зүгээр ч үгүй учиртай юмсанжээ. Залуу хөвгүүн Сабраг ахынхаа үерхдэг бүсгүйг хүндэтгэн цэрвэдгээс тэр бүр нүүр хугаран эрээлхэлгүй хошигнож зүрхэлдэггүй бөлгөө. Ахыгаа цэрэгт мордсоноос хойш Ойгон охиныг бусдаас битүүгээр харамлан, битүүхэн цагдах бөгөөд өөрөө янаглан хайрлах сэтгэлгүй тул холуур дөлөн тойрч, нүднээс далдуур хамгаалахыг хичээж, нутгийн бусад ззлуучуудаас хайр сэтгэлийн холбоо тогтоохоор оролдох бүр чадах ядахаараа садаа хийж явдаг байв. Ойгон охин ч Дайжушилэгт Сабраг нарыг явснаас хойш охидуудтай дотно нийлэх болсонд Жиглэг хүү дотроо сэтгэл ханамжтай явах болжээ. Харин Ойгон өөрөө болохоор энэ учрыг тааварлаж ядан элдвээр эргэцэж, яагаад далдуур ажиглах байдалтай мөртөөн уулзаж ойртохоороо сандарч ичингүйрхдэгийг ухварлаж эс ойлгон гайхаж, эгзэг таарвал хурц үгээр хатган гоочлохыг урьтал болгоно.

Ойгон дөхөж ирээд морио шогшуулж, дөрөөн дээрээ жавхайтал өндийж ийн өгүүлүүн

- Жиглэг хөвгүүн хаа газрыг зорьж явна? Хонины тэндээс хартал голын эрэг дээгүүр нэгэн саарал амьтан мөлхөж байлаа. Хурганд минь цөөвөр гэтэв үү хэмээн болгоомжилж хавчаахай сумаар хавирга бөөрийг нь нэвт харвахаар иртэл чи байжээ.

Жиглэг түүний айлгүйхэн хөхрөхөд тодрон гарах хамрын үрчлээг ажиглаад эвгүйрхэн хулгаж,

- Энүүхэн хойшоо гарья, Ээж намайг юманд явуулсан юм гэж худал үгээр займруулав.

- Тэр энгэрт харагдах том цагаан өргөө мөн үү? Тэнд байх жижигхэн хатныг авахуулахаар явуулаа юу? Үүд хаалга сахин өлөн гэдсээ юугаар дүүргэе дээ хэмээн үнгэлдэн архирах Асар, Басар нохойтой нь нанчилдах мод шийдмээ агссангүй юу? гэж егөөдөв. Өөрийнх нь нууцзорилгыг мэдсэнд Жиглэг сүрхий сандарч яах учраа олохгүй бүлтэлзэв. Ойгон охин улам цайшуулж дайранд нь давс нэмж үгээр идэн,

- Хүүе Жиглэг чи юунаас зовж ичнэ вэ. Царай чинь чавга шиг улайх юм. Бүсгүй хүнд анх очиж яваа бор хүү шиг ямар зориг муутай байх юм бэ. Золбоотой хөдөл! Харц дээгүүр, уулын толгой ташуулж, ташаа тулж «Бор хадны бүргэдийг» исгэрдэг юм шүү дээ. За яв! Чүүчүү гэж зээрд морины хондлойг шилбүүрдэж туув. Жиглэгийн морь ухасхийснээ сүүлээ шарван залхуутайяа алхуулав. Ойгон өвөлжөөн дээр шагшрах шаазгай шувуу шиг морин дээрээ тогтож ядан,

- Жиглэг ээ! Би чамд исгэрдэг юм гэж зааж өгсөн шүү дээ. За алив исгэрээч! Надад юу ч сонстохгүй байна. Хөөе чи исгэрч байна уу, үгүй юу? гэж шоглон хашгирсаар байв.

Жиглэг хөвгүүн зовж ичсэндээ юу ч хэлж чадахгүй, хий л самгардаж, улайсан царайгаа эргүүлж харахад морины алхаанд найган таахалзаж балмагдан гэлдрүүлж буй дүрийг ажиглан хойноос нь хашгирч зогссон Ойгон охин тэсэхийг байж элгээ тэврэн инээд алдан хөхөрсөөр хоцров.

Жиглэг хамаг нууцаа алдаж Ойгонд шоглуулсандаа сэтгэлийн хүслэн замхарч ноёны өргөөг чиглэхийг больж зүгээ буруулан голын зүүн биенд байх элгэн хүрэн хадтай цохионы ар шилээр давж Хүнүйн голыг өгсөж гатлаад гэртээ буцахаар өөрийн бүтэлгүйг гайхан уулын бэл барин шогшуулж явтал Хиарахай, Нэмүүлэн хоёр өөдөөс нь давхиж явав.

Нэмүүлэн түүнийг үзүүт саатъя уу, зөрье үү гэж ихэд тээнэгэлзэж Жиглэгийг том харан дөхөж, эцэст нь шийдэв бололтой.

- Жиглэг явна. Хиарахэй явж бай. Би гүйцээд очно гээд мориныхоо амыг татав. Хиарахай дургүйцэнгүй ярвайсан боловч үг хэлсэнгүй дээгүүр харан гал улаан нөмрөгөө дэрвүулэн хажуугаар нь гарав. Баатрын охин хуучин байдлаараа тоомжиргүй инээмсэглэж,

- Жиглэг хөвгүүн хаа зорьж явна? Олз омог арвин уу? гэхэд ингэж уулзахыг огт төсөөлөөгуй явсандаа тулгамдаж эртээдийн явдлыг мартсан биз хэмээн найдаж,

- Зорьсон хэрэг энүүхэнд. Бодсон санасан тэнгэрийн ивээлээр болж л явна. Танайхан шинэ нутагт тарган тавтай намаржиж байна уу? гэж Нэмүүлэн охины булган малгай доороос мишээх сэвгүй цагаан царайг хулгай нүдээр хүсэмжлэн харсаар хариулав.

Нэмүүлэн залуу хөвгүүнийг дахин асаж магад хэмээн болгоомжлох мэт жолоогоо татан дөлж, - - Манайхан тавтай намаржиж байгаа Би уржигдар гэрээсээ гарсан Түмтийн их өргөөнд айлчлаад буцаж явна. Аралту ноён хүүдээ шинэ гэр барьж мялаан наадам хийлээ хэмээн очсон учраа тайлбарлан өгүүлэв. Жиглэг хөвгүүн түмтийн ноёны байтугай Баянлиг баатрын наадамд тоотой оролцож ихэвчлэн айраг цагаа дөхүүлэх, хонь мал гаргах гэж зарагдаж явдаг тул тэр талаар Нэмүүлэнтэй ярилцахыг хүссэнгүй.

- Ямар бөх түрүүлэв? хэмээн олон жил асууж дадсанаараа дэмий л асуулаа.

- Тэлэнгүүдийн Сэрхэй бөх үзүүрлэж. Бахаа баатар түрүүлсэн. Есөн хэлийн амьтан бужигнасан сайхан наадам боллоо. Худалдаа наймаачид дүүрэн. Үнэртэн, заар, торго дурдам, шил шаазан элбэгшижээ. Удахгүй айл бүрд тогоо барих боолтой болох юм гээд язгууртан дээдсийн охид шуугина хэмээн хөгжилтэй ярив. Түүний давхраагүй том алаг нүд, ухаалаг магнай, цорвогордуухан уруул, инээмсэглэх бүрт нь тодрох хацар дээрх жижигхэн хонхорхой, хамба хилэн эмжээртэй мөнгөн товчгой хээ хар цувны зах даган унжих хонгор зөөлхөн үс зэргийг Жиглэг шохоорхон ширтэж,

- Боолоор ч бид яах юм билээ. Танайд хэрэг болох болов уу? гэж эргэлзэнгүй дуугарахдаа «Баянлиг баатрынх олон боолтой болбол албат ард бид толгойгоо дааж нэгэнт л угсаа нэг дарлекин монгол тулаас хэн нь хэнээсээ ялгарах аж» хэмээн мөрөөдөнгүй бодов.

Нэмүүлэн илүү үг ярьсандаа ичингүйрч олон салаа гэзгээ гэдрэг хаяж.

- Манайд ч хэрэггүй. Бусад охид боол, боол гэлцсэний улмаас би сонирхсон юм Танайхан сайн биз дээ? Тарган тавтай намаржиж байна уу Сабрагаас сураг дуулдана уу? гэж хурдхан асуухад,

- Тарган тавтай. Сабраг ахаас сүраг гараагүй удаж байна. Буухиа өртөөгүй харийн оронд дайсны өрийг тэмгэрч үнсэн товрогийг нь хийсгэж яваа биз хэмээн ахыг нь сонирхсонд сэтгэл сэргэн бахархалтай өгүүлэв. Нэмүүлэн сонсох гэж хүссэн зүйлээ сурсан тул

- Өө Хиарахай гол гарах нь. Би түүнийг нэхье гэж урагш заагаад цувны хормой доороос цухуйх шар савхин гуталтай нарийхан хөлөөрөө морио давирч Жиглэгийг амаа ангайж завдахын зуур ухасхийн хөдлөв. Голын гарам чиглэн давхиж яваа булбарай царайт золбоолог охины хойноос сэтгэл хямран ширтэж “Юу ч болов хайрт Нэмүүлэнтэйгээ дайралдлаа. Дээд тэнгэрийн ач ивээл биз. Өхөөрдөм инээмсэглэх, харцынх нь ялдамханыг үзвэл над дотно дуртайг илчлэх мэт боловч ингэж хурдан зугтах нь ямар учиртай юм бол. Хиарахайгаас зовсон юм болов уу? Эсвэл эртэдийн миний тэнэг зан авираас цэрвэв үү? “ хэмээн бодож ах, ээж хоёрыг нь асууж өөр хэнтэй ч ингэж догночлон харьцдаггүйгийн нь санаж эргэлзэх баярлах сэтгэл давхцан, саяхан бодол болон гонсойж уруу царайлан явсан хүү цээж дүүрэн амьсгалж хоолой мэдэн дуулмаар санагдаж гэрийн зүг хатируулав.

Гэртээ орж ирэхэд ээж нь тос хурааж хэдэн хавсага гүзээ дэвтээж суув. Хүүгийнхзэ баяртай гялалзах очин хар нүдийг ажиж,

- Миний хүү хаанаас ирэв? Энэ хэдэн араг задарч гүйцлээ. Миний хүү сүлжиж; зангидаад өгөөрэй гээд гадаа аргалын хажууд хэвтэх хоёр аргийг заав. Жиглэг намрын чимчигнэсэн айраг залгилж

- Энүүхэн дээдтэйх айлуудаар ороод ирлээ гэж хайнгадуухзн дуугарав. Мөнхлүгэн эх нэгэнтэйгүүр намаржааны айлуудын сонин дуулах гэж нөгөөтэйгүүр хүүгийнхээ нүүр царай хувирч сэргэсэн учрыг олох санаатай

- Хэн хэнийхээр оров? Сонин юу ярьж хэлэлцэж байна вэ? Сүүлт одны тухай юм ярилцах юм уу? Онгуудын догшин удган хэнгэргээ дэлдэж сүүлт одыг зайлуулсан гэж Бауржин хэлээд гарна билээ. Тэр тухай үг ярилцана уу? хэмээн асуув. Жиглэг үнэндээ бол айлуудаар ороогүйдээ бантаж,

- Ээж дандаа элдэв бусыг асууж шалгаах юм. Алив би араг сэлбээдэхье. Жаахан сур шидмэсний юм байна уу? хэмээн яринаас төвөгшөөн холдохыг хичээв. Мөнхлүгэн эх сурны өөдөс исрийнхээ толгойн шургуулганд эрж

- За за хэмээн хүүгийнгээ сэтгэлийг эвдэхээс эмээн шалгаахаа зогсож - Муу эцэг нь нялхад нь яваад хүүхдүүддээ бэр богтолж амжаагүй юм. Одоо өөрсдөө л мэдэж өрх тусгаарлана биз. Миний залуу байснаас юм өөр болоод өтгөс настан бид учрыг нь олохыг байжээ. Миний багад бэлчээр нутгаа булаацалдаж, өштөн ноёд хүрээ хүрээгээрзэ нүүж нэг нэгээсээ болгоомжлон явдагсан. Тэгэхэд эрчүүл маань юуны төлөө байлдаж амь эрсдэж явсан нь ойлгомжтой. Харин одоо ямар учиртай харийн иргэдийн цусыг урсгана вэ? Тэдэнтэй ямар бэлчээрээ булаацалдах биш. Эхнэр хүүхдээ тэдэнд алдсан биш хэмээн бас л тэсгэлгүй үглэсэнд

-Ээж та юу яриад байгаа юм бэ? Дор дороо балбалцаж, бэлчээр малаа булаацалдахыг болиулж бүх дэлхийг их эзэн хааны ивгээлд багтааж, бултаарыг жаргуулахын тул эр цэрэг харин зэрлэг оронд хатгалдан тулалдаж байна шүү дзэ Удахгуй бид бүгдээр баяжиж ядуу хоосон хүн үзэгдэхгүй болох юм. Айл бүрд боол өгнө. Тэр цагт та хатан шиг л гэрийн хойморь амарч хэвтэхгүй юу! гэв.

Манайх шиг цөөн малтай айл боолоор яах юм бэ? хоолны сав л нэмэх юм биш үү. Бултаараа баяжихаа ч алд даа. Хоодой хөгшнийх угаасаа ядуу айл байсан.Одоо бүр модоо барьж хааны алба гувчуур төлөөгүй гэж цай бүгийлгэх тав гурван ямаа, ганц муу гэрээсээ салж нуурын дөрөлжинд өлөн бургас хана, навтас нэхий овоохой босгож толгой хоргодож сууна. Тогооны хусам ч чамлахгүй гэж өлбөрөх дөхсөн амьтан үүгээр өнгөрнө билээ. Өвлийг яаж давах юм бол доо хөөрхий гээд хүүгээ анхааралтай ажиглангаа сурны тасархай олж сарвайв. Гадаа хотолсон хонины хэрэх чимээ сонстоно. Мөнхлүгэн авгай сур нухаж суугаа хүүгээ зэрвэсхэн ажиглаад нэхий тулманд суулгасан хувинд тараг бүрж дарав. Эх хүү хоёр ийнхүү дор дорынхоо ажлыг амжуулж хэсэг зуур чимээгүй болов. Мөнхлүгэн эх гэнэт нэг юм санаж нүд нь сэргээд.

- Миний хүү Халцгайтын Дунайн охин Балжийг бэр буулган авч гэртээ оруулбал аштай юу. Томоотой, царай зүс сайхан охин шүү дээ. Ажилд сайны нь яана? гэж хэлээд Жиглэгийг учиртайхан харав. Хүү нь арвайн гурил өрөмтэй зуурахаар өндийж аядсанаа суудал дээрээ лаг хийтэл сууж барьсан сурныхаа тасархайг хаяа уруу шидэж

- Ээж дандаа дэмий юм ярих юм. Би танд галч болгох гэж Балжийг гэртээ авчрах болж байна уу. Сабраг ахыг гэрлүүлж амжаагүй мөртлөө намайг гэж дэмий санаархах юм гээд муу ааш нь хөдлөн дуугаа тур зуур хурааснаа. - Ээжээ би хэд хоногоос авд мордъё. Хүдрийн заар авчирна гэж сэтгэл тайтгаран мишээлээ. Том хүүгийнхээ төлөө санаа зовон бодолхийлж суусан Мөнхлүгэн эх Жиглэгийн энэ үгийг дуулаад,

- Чи хүдрийн заараар яах гэсэн юм бэ? Арилжаалж наймаалах нь уу? гэж тулган дээрх тогоон дээгүүр өнгийн гайхан асуухад Жиглэг илүү үг алдсандаа сандарч

-Үгүй үгүй. Хэрэг болж магадгүй гэж царай улайлган бувтнаад хагавчинд хэвтэх сурны тасархайг хурааж авав.

-Мөнхлүгэн эх галын гэрэлд улаа бутран суугаа хүүгээ хэсэг ажигласнаа,

- Чи чинь заар үнэртүүлсэн хатан авчрах нь ээ дээ. Хм, эцэг чинь байсан бол юу гэх сэн бол. Бүү мэд дээ хэмээн санаа зовсон янзтай хэлээд асгасан өрөм хамж авахаар нааш эргэж тогоон тус бөгтөгнөх заваараа - Чи мэдээтэй яваарай. Ойрд бас Баянлиг баатар нөхдөө аваад ан хоморго хийх юм гэж чи яриагүйсэн билүү? Намаржин гэртээ тогтохыг болих нь ээ? хэмээн үглэв.

- Тэр чинь анхны цаснаар болох юм. Би түүнээс өмнө Хоржгойдын Батаа, Баргасөгнийн Уулиранхай андтай хойд хөвчид гараад ирнэ. Тэр хоёртой явахад алзахгүй. Тэд миний нөхөд болохоор тангараг тавьсан гэж ээжийнхээ санааг засаад араг сэлбэхээр гарч одов.

Жиглэг хөвгүүн оройн бүрэнхийгээр гэрийн хойморт хажуулдаж, тооноор харагдах од, мичдийг ширтэн аз жаргалыг хүсэн мөрөөдөв. Хэдэн өдөр амьтан хүний сэтгэлийг донслуулан шөнийн тэнгэрт гялалзсан сүүлт од нэг мэдэхэд алга болсон байлаа. Жиглэг хөвгүүн тэр одыг аль эрт мартаж гагцхүү амьдралаа эргэцүүлэн тунгаахыг оролдон сууна.

Өнгөрсөн зун хоморгод мордож чоно үргээж хөөгөөд сарьсан хамар дундуур нь ташуураар цохиж унагаснаа санав. Чоно хэдэнтээ тонгорцоглож харуулдан унахад Жиглэг үсрэн бууж сэрвээнээс нь зуурчихсан билээ. Гэтэл нөгөө боохой ухаан орж босохоор завдан өндөлзөөд Жиглэг хүү сандарч гараа эцтэл дарав. Чоно мөчөнгөрөх тутам хүчорж сэрвээн дээрээс нь зуурч бадайрсан гарыг ярзайсан шүдэнд ойргох тутам хазахаар заналхийлж байв.

Житлэг туслах хун ирээсэй хэмээн хөх тэнгэрээс гуйн мөргөж нэгэнт ухаан ороод оволзсон чоныг хаяад босож чадахгүй зантанд орсон гөрөөс шиг бүлтэгнэн сууж билээ. Чонын арьс ийм уяхан сунамхайг анх удаа мэдсэн юм. Сэрвээний арьс толгой дээгуур нөмөрч юү юугүй хоншоорт хүрдгийн даваанд хутгатай гар гялсхийж гэмцэлдэн архирах араатны амийг тасалсан билээ. Жиглэгийг удаан алга байхад анд Уулиранхай, Батаа хоёр санаа зовж эрсээр явж олоод амийг нь аварсан байв. Ийм үнэнч нөхөдтэй байхад юунаас айх билээ хэмээн сэтгэл ханамжтай бодож тэднийхээ дэмжлэгтэйгээр Нэмүүлэнтэй хэзээ нэгэн цагт заяа хэлбоно гэж зориг төгс өөртөө амлав.

Тулганд уугих аргалын цог улалзаж гэрийн дотор тайван амгалангийн амьсгаа дүүргэнэ. Мөнхлүгэн эх хүүгийнхээ нялхаараа царайг энхрийлэн харж үг хэлэхээр зэхэж амаа нээснээ түтгэлзэв.


Top
   
PostPosted: Sep.28.15 7:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа гялс гялс оруулж бна шүү :wd: :wd: .

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.30.15 1:44 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Долдугаар бүлэг

Үүр цайхад Жүржиг баатрын зуут Хаданчигай ноёны заасан газар сэм дөхөж нуранги шар эрэгний хөмөгт ирэв. Мянгатын ноён Дайжушилэгтийн толгойн сэргийлэхээс хэл авмагц шуурхай цэргийн зам дахь Желал Ад Дины тэнэмэл цэргүүдийг дарж устгах тухай Чурамган жанжны тушаалыг хатуу баримтлан тэр даруй бүх цэргийг босгон шөнө дөл давшхаар дайсны цэргийн шивээнд тулж өөрийн мянгатыг хоёр таслан, долоон зуун цэргээр шивээний зүүн хойноос бүслэн дайрч, баруун урд зугт Өрөм нуур уруу шахаж байлдах, дайсныг Күрдистаны уул өөд зайлан гаргуулахгүйн тулд Жүржиг нарын гурван зуутыг нуурын дөрвөлжин дэх шар эргийн дор нуусан байна.

Хэрэв Хаданчигай ноёны долоон зуун цэрэг хүч хүрэхгүйд хүрч ухарвал ар гэзэгнээс нь Жүржиг баатар цохиж урагш давшуулалгүй барих ёстойгоор барахгүй ганц талаас нь гэнэдүүлж дайраад тооны хувьд давуутай мэт сэтгэгдэл өгч дайсныг сандралд оруулан буулгаж авах ёстой юм.

Цэргүүд мориноосоо буун чийг даасан элсэнцэр шар нуранги сандайлан цулбуураа салгалгүй зуурах даарсан гараа амьсгалаараа дулаацуулахыг оролдон чимээ аниргүй сууцгаана. Тэднийг морио тушихыг ч зөвшөөрсөнгүй.

Зуутын дарга нар эрэгний ирмэг дээр авиран гарч холын бараа ажиглана. Дайсны шивээ сая л нэг амь орж, энд тэнд галын утаа суунаглав. Жодгорын хоорондуур бээрэг улсууд ганц нэгээрээ холхиж эхлэв. Ихэнх цэрэг унтсаар байлаа. Шивээний голд чингэлэг тэрэг, ачаа бараагаар хүрээлсэн жижгэвтэр тэрмийн[2] хавиар хүн эс үзэгдэнэ. Ноёд жанжнууд нь ид нойрондоо дугжрах бололтой.

Гэнэт өглөөний саарал манан татсан зүүн хойд хоолойгоос хар эрчээрээ уухайлан давхих цэргийн ангиуд харагдсан нь Хаданчигай ноёны цэргүүд мөн байлаа. Адүу дагаж хоносон манаач нар тэр цэргүүдийг үзэж агт хулгайлахаар хэсэг бусад дээрэмчид ирэв хэмээн сэтгээд адуугаа эргүүлэхээр ухасхийцгээв.

Гэтэл манан дотроос бүлэг бүлгээрээ багшран гарч ирэх цэргүүд улам нэмэгдэж морьдын төвөргөөн газар доргиулан ойртов. Хэрэг бишидсэнийг хоцорч ойлгосон харуулын цэргүүд адуу малтайгаа хутгалдан цэргийн шивээ уруугаа бархиралдан дутааж.

-Бүслэгдлээ Бүслэгдлээ! Пхелеванийн харгис цэргүүд дайрч байна хэмээн сандаргав. Унтаж байсан цэргүүд халуун галаар төөнүүлсэн мэт огло харайн босож гарт дайралдсан бэлэн сэлэм, илд хутгаа гозолзуулан нимгэн нөмгөн харайлгаж эргэн тойрноо анан ажиглах боловч хүн мал бужигнахаас өөр юу ч эс олж үзэв. Мухтар бей султаны цэргийн дарга нар сандарч тэвдсэн том нүдтэй айж цочоод замбараагаа алдан бужитналдах цэргүүдийг журамлах гэж оролдон чанга дуугаар бархиралдаж байлаа

- Мориндоо! Гол асрын бэхлэлтийн дэргэд цуглаад! гэж бадчин хашгиралдах боловч тэднийг тушаалыг сонсож байгаа хүн ховор үзэгдэнэ.

Монгол цэргуүд зогсолггүй уулгалан дайрч, давшилт дундаа салаа зэвт урт сумаар шивээний голруу харвана. Салаа зэвэнд өртөгдсөн алангир нумны хөвч алдарч, майхан савны татлага тас үсрэн хөглөрч зэвний аль нэг үзүүрт биеэ уруулсан хүн адуу их дуугаар чарлалдан гасалж толгой хандсан зүг амьд нь үхсэндээ тээглэн гүйлдэцгээнэ.

Мухтар бей султан хөнжлөө тийрч ухасхийн босож хатнаа чангаавал бие нь суларсан байлаа . Түүний торгон хөнжлийн цаанаас ямар малчин хөвгуүний гараар урлаж хийсэн юм бэ бүү мэд элэгдэж гөлийсөн элээний өдтэй сумны бөгс ёрдойж харагдав. Дээлээ шүүрэн авч нөмрөөд хэрмийн дээвэр туургыг нэвт цөмлөн исгэрэн орж ирэх сумнаас зугтан гадагш харайлган гарч хасаг тэрэгний доор хоргодов Чалма малгайгаа гээж нүцгэн толгойноос нь цус асгаран шүүрэх эр тэргэн доогуур хойноос нь мөлхөж ирэхэд заамдан шүүрч авав.

- Бей Мухтар! Бид бүслэгджээ. Шороон түмэн пхелеваничууд араас алалдан давшиж байна. Одоо яалтай вэ? Эзэн таны амь насанд би санаа зовно. Цаг алдалгүй зайлья гэхэд тэр эрийг өөрийнхөө жанжин Кекмет болохыг сая танилаа.

-Юуны чинь пхелевани вэ? Чи энэ сумны зэвийг үзэхгүй байна уу? Тэр муусайн зүрхгүй пхелеванчууд эхнэрийнхээ араар ороод чичирч хэвтээ биз. Эд нар заналт муусайн монголчууд мөн байна. Бид зайлж амжилгүй байсаар нүдээ нээгээгүй чонын бэлтрэг адил нойрон дундаа хөөнөөлөглөө. Заналт муусайн монголчууд хаанаас гараад ирэв? хэмээн шуугилдан үймэх цэргуүдээ харан бархирав.

Кекмет жанжин хөмсөг даван нүд уруу урсах цусыг том алгаараа шувтарч,

- Тийм байна. Эзэнтэн. Монголчууд зүүн хойноос уулгалах бололтой. Манай цэргүүд тэсэхгүй нь. Одоо ухаръя. Урагшаа Күрдистан тийш ухрах боломж байна. Тэндээс Керман хүрэх ойрхон билээ. Монголчууд халуун газар тийш зүтлэхгүй. Тэр жил Энэтхэгт сүйрснээ санаж халуу шатмагц буцна гэв.

Удалгүй адуү малд дайруулсан майхан сав галд орж түймэр улалзав. Утаа хиншүүн дундуур Мухтар бей султаны морийг хөтөлсөн шадар цэргүүд нь давхиж ирэв. Султан мориндоо алавхийн мордов.

- Кекмет чи хэсэг зуур тогтоохыг оролд! Диан голын хөндийд уулзъя гээд бараа бологч цэргүүдийг даган давхив.

Хасаг тэрэгний нөмөрт хөө тортог болон халтартаж, цус нөжөө гоожуулсан хагас мянгаад цэргийг цуглуулж ядан байгаа дарга нарын дэргэд ирлээ,

- Аллах бурхны зоригт цэргүүд миний хойноос! гэж захираад хөндий уруудан Өрөм нуурын элсэн довцгуудыг чиглэн хурдлав. Кекмет үлдээд замд дайралдах сандран бужигналдаж байгаа морьтой явган цэргүүдийг ташуурдан хөөж гурван этгээдээс шахан дайрах монгол цэргүүдтэй хатгалдав. Буцаад гүйж яваа цэргүүдийг гайхан харж яахаа мэдэхгүй дороо эргэлдэн зогсох ямаан сахалт залуу цэрэг дайралдахад жолоог нь гүйдэл дундаа шүүрэн авч,

-Чи юугаа хийж эргүү мал шиг дороо цовхчино вэ! Морио өг хэмээн уурсан хашгирав. Тэр залуу дэмий л ангайн ширтэж амандаа,

-Аллах ершөө! Аллах өршөө! гэж үглэнэ. Кекмет жанжны уур уцаар шатаж тэр арчаагаа алдсан цэргийн дөрөөнөөс өргөж эмээл дээрээс нь ховх түлхэн унагаж моринд нь мордов.

Хаданчигай ноёны цэргүүд Желал Ад Дины хамсаатан Мухтар султаны бамбай цэргийг гэнэдүүлэн дайрч, бөгсөндөө шүгэлтэй урт сумаар аймшигтай ихээр түйвээлгэн хороосны эцэст махир сэлмээ сугалан цавчилдаж гарав. Сумны улилдах дуу намдахад шархдаж гэмтсэн хүн, малын орилолдон хуухирах чимээ тодорч, сэлэм төмөр хавиралдах дуу чих дөжрүүлнэ. Улайрч мэдрэлээ алдсан цэргүүд яргачин лугаа ижил үг чимээ цөөтэй цавчилдан алалдана.

Кекмет жанжин цэргээсээ булааж авсан яндан саарал морио залж овооролдон тулалдагч бөөн дайчдыг чиглэн зүтгэж аажмаар тулалдааны төв уруу цустай сэлмээ гозолзуулан зүсэж оров. Бөөгнөрсөн олон цэргийн дунд түүний цус бялдсан халзан толгой хэд хэд шоволзон үзэгдсэнээ уусан алга болов.

Монгол цэргүүд нэг хэсэг зууралдаж тулалдсанаа бишгүүрийн дуунаар гэнэт ухран аравт аравтаар эгнэн зай авснаа эргэж уухайлан довтлоход Мухтар бейн цэрэг тэссэнгүй баг багаараа, сум сумаараа тулалдааны талбарыг орхин зугтав. Монгол цэргүүдийг ундуй сундуй хаялсан жодгор майхан, утаанд дарагдаж гал улалзах цэргийн шивээнд нэвтрэн ороод явгарч үлдсэний нь ганц нэгээр нь элдэн хөөж цавчиж байхад

- Амь авар! Бид хүчинд автсан амьтад! Аллах тэнгэр минь өршөөж нийгүүлсэнгүй сэтгэлээрээ ивээж хайрла хэмээн дуу тавин бархирч, хөсөр унан зэвсгээ хаяж мөргөхөд тулалдаанд улайрсан цэргүүд өршөөл гуйлтыг огт хэрэгсэлгүй хороосоор байв. Хаданчигай ноён Мухтар бей султаны цэргийг гүйцэд дарлаа гэдгийгээ лавтай итгэсний дараа сая бишгүүр татаж дайсныг олзонд авав. Хувцас хунар нь урагдаж, хөө тортог, хөлс нулимсандаа халтартсан цэргүүдийг бөөн бөөнөөр нь тууж цуглуулна. Мянганы ноён өөрийнхөө дэргэд гурван хэлт туг бараадан олзлогдсон цэргүүдийг сониучирхан хэлхээ ширмэнж хуягаа шаржчигнуулан тогтож ядан зогсох залуухан торгон цэргийг дуудаж,

-Эрх хар чи зүүн гараар давшсан Олдох, Манхаадай, Өлзийт нарын зуутыг аваад зугтсан дайснуудыг нэх. Занганд оров болгоомжлоорой гэхэд тэр хөвгүүн мэхэсхийж,

-За мэдлээ. Дээдсийн зарлигийг ёсоор болгоё гээд мориндоо ташуур өгч ухасхийн хөдлөв.

Энэ үед шар эргийн дор нуугдсан цэргүүд даргынхаа тушаалыг хүлээн сэтгэл догдлон сууцгаана. Залуу дайчин Дайжушилэгт хэзээ тулалдаан эхлэх бол хэмээн сэтгэл түгшин өндөлзөж цэргүүдээ догшин хар нүдээр үе үе ажиглан хуяг дуулгаа зөв өмссөн эсэх, морьныхоо олмыг татсан байдлыг шалган харна. Цоорчигон бас тогтворгүй янзтай өндөлзөж,

-Нар дээр хөөрлөө. Манайхан бидний оролцоогүйгээр дайсныг дарчих шиг боллоо гэж үглэхэд Дайжушилэгт тосон авч,

-Заяа нь хаясан юм. Байлдах аз дутаж ээ? гэж харуусан ядаж эрэг дээрх зуутын дарга нарын дэргэдээс эргэн тойрон юу болж байгааг харах боломжгүйдээ эгдүүцэн сэлэмнийхээ хуйгаар элс цавчин буталж суув.

Цоорчигоны аравтын баарин овгийн залуу цэрэг аравтын дарга нарын санааг дагуулан,

-Ганц ч болов толгой бөндөгнүүлэх юмсан гэж их л хөөруу маягтай маасайн өгүүлээд Цоорчигоноос магтаал хүссэн шинжтэй царайчлангуй харж мөрөө хөдөлгөж бусдыгаа юу хэлэх бол гэсэн шиг тойруулан ширвэнэ.Тэгж байтал зуутын дарга нар эргийн шороо бужигнуулан гулсан бууж,

-Мордоод! Мордоод! гэж хашгиралдав.

-Тэд яаравчлан мордож эрэг даган давхисаар цагаан талд гарав. Өөдөөс баглуур ургасан хоолой дүүрэн морин тэрэг давхиж байгаа нь харлан харагдлаа. Жүржиг баатар морио давирч

-Урагшаа! Уухай хэмээн дайран тэмүүлэв. Сабрагийн нуруугаар хүйт дааж мориныхоо жолоог эргүүлэн буруулмаар санагдах авч өөрийн эрхгүй зуутаа даган давхиж явлаа. Аравтын цэргүүд морьдынхоо дэлэнд наалдаж Дайжүшилэгтийг даган давхицгаана.

Дайсны цэргийн хурд саарсангүй, харин зогсолтгүй ойртоно. Тэдний гарт гялалзан харагдах хурц мэсний оронд хөвөн өд шиг зөөлхөн юм таараасай, түүнийг л мөргөх юмсан гэдэг бодол толгойд нь цахилгаан шиг харван гүйж байв. Желал Ад Дины тэнэмэл цэргүүдийн мөнгөн сартай ногоон туг дэрвэлзэн тодорч, цэргүүдийн хахир муухай дуугаар уухайлан бархирах сонсогдоно. Гэтэл амдан давхиж явсан цэргүүд дундаас дэргэдэх зуутын хоёр цэрэг тэсэлгүй зүгээ буруулан гэдрэг зугтаав.

Тэдний хойноос аравт нь, аравтыг хараад бусад аравт нь зүгээ буруулан эргэж давхилаа.

Сабраг бас тэднийг даган морио залахыг завдахуйд,

-Битгий самайр! Урагшаа! Уухай хэмээх Жүржиг баатрын хүрхэрэн хашхирах дуулдав. Тэднийг дагуулах хөх толгой зуутын туг улам хүч авах мэт дэрвэж, нэлээд баруунгайгуур цагаан голгой туг хоцронгуй боловч гунвалтгүй урагшилж байв. Ногоон голтой зуутын туг цэрэггүй болсон тул урам муутай буцаж цэргээ эргүүлэхээр нэхэв. Жүржиг баатар сэлмээ сугалж.

-Нумаа бэлдээд гэж хашгирав. Сабраг сая л зэр зэвсэгтэйгээ санаж нумаа тэлж сумаа онилов.

- Харваад! гэсэн Дайжушилэгтийн итгэмгүй чарлаа дуу чихэнд хадав. Нум сумын онинд орсон торгон нөмрөгт шүдээ ярзайлган бархиран ойртох ноёныг чиглүүлэн эрхийвчээ мултлав. Сум шүнгэнэн дүүлж онилсон хүнийг оносонгүй, харин унасан мориных нь гүрээ уруу зоогдож орхив.

Ухаа хээр морь нарийхан хөлөө яралзуулан суманд огт оногдоогүй мэт давхиж явснаа гэнэт шургачин годройтож унав. Сабраг мориныхоо жолоог сул хаяж саадагнаасаа сум шүүрэн онинд орсон бүхнийг харваж байв. Жүржиг баатар зуутаа шууд тулгасангүй дайсны ангийн өмнүүр зөрж эргээд байлдах байрлалд орлоо. Мухтар Бейн цэргүүдтэй мөр зэрэгцэн давхиж хажуу бөөрнөөс нь харвах ухаан сэджээ. Аль аль талаасаа харвалцан нэлээд давхив. Гэвч монгол цэргүүдийнх хатуу нум, урт сум хөнөөл ихтэй нь төдхэн мэдэгдэж султаны цэргүүд эрс цөөрч эхлэв.

Цэргийн тоо ийнхүү аажмаар тэнцэж ирэхэд Жүржиг баатар нум сумаа саадаглан агсаж сэлмээ сугалав хатгалдаж зууралдан байлдлаа. Сабрагийг нэг харахад Чулуун балт сүхээ далайн баруун зүүнгүй цавчиж явснаа тэнэсэн суманд өртөж далжгас хэмээн гуйвхад туунээс холгүй цавчих хүн эрэх мэт эргэлдсэн азербайжан цэрэг ухасхийн шархтай залууг эргэмэгц угтан цавчлаа. Чулуун зайлж чадсангүй

- Хурц сэлэм гялсхийж хуягны зах уруу шигдэн оров. Үүнийг үзээд Сабраг муухай орилж азербайжан цэргийг эргэж харахаас өмнө толгой дундуур нь сэлмээр ширвэв. Сабрагт хий цавчих шиг санагдсан 6оловч тэр цэрэг эмээл дээрээ гуйвж байснаа Чулууны хойноос өнхрөн унав. Туүний ярагдсан завжны цаанаас цав цагаан шүд ярзайж, баярлан инээх мэт үзэгдэв. Эл байдалд цочирдон ойр зуурыг мартагнасан тэрхэн агшинд зогтусан алмайрах сацуу түүний араас хэн нэг нь толгой уруу нь гэнэт хүчтэй дэлдэж дуулга нь үсрэн одов. Дотор балартан аманд нь цус амтагдаж эргэж харвал нэгэн бор морьтой харийн цэрэг ханцуй шамлан сэлэм эргүүлж зам гарган тулалдааны гүн тийш зүтгэж яваа харагдав. Нүд нь харанхуйлан балартах тул Сабраг мориноосоо бууж газар суув.

Туүний хажууханд хоёр хүн ноцолдож нэг нэгнийхээ дээр доор орж архиралдах боловч Сабрагийн толгой дүйрч нүд харанхуйлаад хаашаа ч хөдөлж чадахгүй байлаа. Аажмаар морьдын төвөргөөн холдож, тулалдаан аядсаар хүн ёолох, богширго жиргэх чимээ л үлдэв.

Сабраг толгойн дүйрэнгэ намдахыг хүлээн нэлээд суулаа. Хажууханд нь архиралдан үнгэлдэж байсан хоёр ч хөдөлгөөнгүй болов.

Нүдэнд нь юм юмны бараа тодорч хар цагаан хоёрхон өнгөөр сүүдэртэн маналзаж байснаа ашгүй өнгө ялгарч эхлэх үед элсэн хошуу тойрон хэдэн морьтон гарч ирсэн нь тэдний аравт байлаа.

Дайжушилэгт Сабрагийг үзээд яаран тэмүүлж,

-Чи яав аа? Шархадсан уу? хэмээн холоос сэтгэл зовнин хашгирна.

-Шилэгт! Шилэгт! Би өөрийгөө сохорчихлоо гэж бодлоо гээд Сабраг Дайжушилэгтийг тэврэн енгэнэтэл уйлав. Дайжушилэгт дашмагтай уснаасаа уулгаж, хонхойсон ган дуулгыг нь авч эргүүлж үзээд,

-Чиний амийг энэ л аварч дээ. Гавлыг чинь задалчих дөхсөн байна шүү! Алив Минсэл чи морийг нь бариад ир! гэсэн даруй

-Хөөрхий Чулуун амь тавьжээ. Бараг уушгинд нь хүртэл цавчсан байна гэх Тогосболорын дуу сонстов. Сабраг Аргай, Дайжушилэгт хоёроор түшүүлэн босов. Түүний ойролцоо “Ганц ч болов толгой бөндөгнүүлэх сэн» гэж өглөө алиалж суусан Цоорчигоны цэрэг багалзуураа тас хазуулазд хэвтэж харагдана. Түүнийг алсан Мухтар бейн хар царайтай монхор цэрэг цустай шүдзэ тас зуун ёолон гиншин хэвтэнэ. Абагахирилтуг түүнийг хажуугаар өнгөрөхдөө том махир сэлмээ далайж тэр цэргийг түлээ хагалах адил хоёр таллаж хаяв. Энэ үед Цоорчигон аравтаа дагуулан дэрс сондуул сүлжин элсэн гүвээ тойрон давчиж ирлээ. Өөрийнхөө үхдэл цэргийг үзэж,

-Хөх тэнгэр! Хэн ингэчхээ вэ? гэж гашуудан дуу алдаж мориноосоо үсрэн буугаад тэр цэргийг өөд нь татаж аймшигтай шархыг нь харан царай үрчийлгэн сэжиглэнгүй ажив. Жутаа цус урсаад зогсохгүй байгаа гараа эвгүй дарж зэвхий цагаан царайгаа мушийлган хүйтнээр инээмсэглэж,

- Наад тал бие чинь гэж шоржигнох чимээ гарган татвалзах амьгүй биеийг заав. Цоорчигон гөлрөнгө нүдээр тойруулан харснаа,

-Бас Чулууныг алчихаж. Энэ ногоон зуутын туулай зүрхтэнгүүдээс боллоо. Тэдний толгойг нь автугай гэж уурсан хашгирав.

Дайжушилэгт Сабраг түшин мордуулж,

-Бид юу мэдэх вэ дээ. Хаданчигай ноёны зарлиг шийтгэх биз. Ногоон голт зуут эргэснээс болж Желал Ад Дины тэнэмэл цэргүүдийг Өрөм нуурын намаг уруу шахаж чадсангуй. Сехенд Хөх уул өөд алдчихлаа. Хаданчигай ноёны тэргүүн хиа Эрх хар нэхээр одсон. Гүйцэхгүй л дээ гэж ядарсан шинжтэй өгүүлэв

-Тэд мянгатынхаа шивээнд ирэхэд шархадсан цэргүүд дуу тавин ёолж, шарх сорвио анагааж, задарч сэдэрсэн хуяг дуулгаа сэлбэж, дээл хувцсаа цэвэрлэж байв. Шөнө орой болж цэргүүд цай хоол чанаж амарцгаана. Тэгтэл гэнэт бишгүүр дуугарч цуглах дохио өглөө. Ядарсан цэргүүд Билгүүдэй баатрын зуутын цэргийг цаазлах юм гэсэн дуулианаар сэртхийж гол асрын өмнө цуглав. Удалгуй арван нөмгөн цэргийг хүзүүнд нь мөнгөн бүсийг нь тохоод тууж авчрав. Цэргүүд шуугиж,

-Үхэл үхэл гэж хашгиралдацгаалаа. Хаданчигай ноён гараа өргөн цэргүүдэд хандаж

- Чингисийн ясыг зөрчиж тулалдан үзэлцэхийн цагт ноёноо хаяж буруулсан, эрсэлдэн тэмцэлдэхийн цагт элэг нэгт нөхдөө орхиж буруулсан хорын үндсийг таслан бусдад сургамж болгож Билгүүдэй баатрын зүрх муут аравтыг цаазалсугай! Харагтун! Мэдэгтүн! гэж өндөр дуугаар зарлав. Хоёр булиа цэрэг урагш давшиж элсэн дээр өвдөглөн сөгдөх цэргүүдийг захаас нь аваад дээлийг толгой дээгүүр нь нөмөргөж, хөл толгойг нумлан татаж нурууг хугалан хорооно. Тэдний дунд суух залуухан цэрэг,

-Амь өршөө! Ноёнтон минь би зугтаагүй шүүдээ. Би эзэн хаандаа шударгаар зүтгэж, дайсны цэргүүдийг буцаасан шүү дээ. Билгүүдэй баатар та юунд эс дуугарна вэ? гэж цөхрөнгөө баран орилж байв.

-Хоёр булиа цэрэг түүний үгийг үл тоомсорлон ахиж, нуруу хугалах чимээ гарах тоолонд цомцойн суусан ялтангууд цөөрсөөр байв. Хамгийн доор суугаа хүүхдээрээ шахуу мяраатай шар царайтай цэрэг түрүүлж зугтсандаа балмагдан нүд нь бөлтгөнөн тогтож ядан байснаа босон харайж элс ширжигнүүлэн нуурын зүг зугтав. Гэвч арав алхаж амжаагүй байтал ойрхноос харвасан сум шүнгэнэж гэдсийн нь хүүлж орхив. Салаа зэвтэй сумны уршгийг тойрч зогссон цэргүүд хирдхийн үзэж цочин ухарцгаав. Тэр цэрэг цувсан гэдсээ гайхан харснаа гэнэт ухаарсан мэт гараараа шүүрэн авч,

-Ээж ээ! Ёо ёо ёо! хэмээн уйлж тусламж дэмжлэг эрэн цэргүүд өөд алхаж -Ээжээ ёо ёо .ёо! Би одоо яанаа?! хэмээн тасралтгүй гэнгэнэв. Цэргүүд хуйлран гэдрэг ухрахад дайнд хатуужиж алив юмыг тоохоо больсон зуутын дарга өвгөн сэлмээ түргэн зуур сугалж баруун мөрнөөс зүүн ташаа уруу нь жишүү цавчин унагав.

-Сабрагийн толгой эргэн, цувсан гэдсийг санахаас бөөлжис хүрэн огиулж жодгортоо бушуухан орон хэвтэхээр буцав. Дайжушилэгт Цоорчигон хоёр хүүр зайлуулагч цэргүүдийг эргэн эргэн ажигласаар майхны зүг бодолхийлэн алхан сүлд муутайхан буцаж ирэв.


Top
   
PostPosted: Sep.30.15 1:46 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Наймдугаар бүлэг

Хаврын урь орж, уулын энгэрийн цас ханзарч. мөстөн зайрмагтаж эхэлжээ. Адуу маллах цэргүүд уургаа суналзуулан шогшиж, айл хунараар хэсэж, цагаалганы идээ будаа эргүүлдэж, цагаан малгай, дээл өмсөж улам өнгө орсон залуу бүсгүйчүүдэд сэм санаархан ахин дахин золгож будлиулж байв.

-Жиглэг урьд шөнийн манаанаас буусан тул отрын майхны мухарт уур савсуулан хурхирч хэвтэнэ. Мөнхлүгэн эх, Жиглэг хүү хоёр Баянлиг баатрын хаяа даган нүүж, хонь адуу маллан, ноос хөөвөр авч, айраг цэгээ исгэн суусаар өвлийг өнтэй давж, хааны албыг залгуулж авилгын өдөр хааны хишиг хүртэн нэг үеэ бодвол санаа амар аж төрж, гагцхүү Сабраг хөвгүүний төлөө залбиран хөх тэнгэрийн ивгээлд хувь заяаг даатган сууцгаав.

Тэгтэл хавар хавсарга тавьж, зун гандан өгөршиж, нохой гаслам халуу шатаж, булаг шанд ширгэн, гол мөрөн усаа татаж, адуу мал хиарч эхлэв. Монгол улс аймаг аймгаараа ган гачигт учирч, байн байн тэр хааны нутаг гандаж, энэ хан хүүгийн бэлчээр цайрч гэх чимээ амнаас ам, чихнээс чихэнд дамжин түгшүүрлэн дуурсав. Хажуугаар нь улсын их хатан Туракина өөд болж ган гачгийн зовлон дээр уй гашуу нэмлээ. Гүюг хаан баруун зүг дэх Энэтхэг, Рүм, Исмайлын дайныг түр зогсоож зөвхөн Солонгосын тэрслүү вангийн бослогын дарах явдлыг үргэлжлүүлж байв. Дайны хажуугаар дажин гэгчээр ган тайлагдаагүй хүнд хэцүү үед Жиглэг хөвгүүн цэрэгт татагдаж, хааны адуу оторлон Байгал нуур тийш явсан билээ.

Түүнийг цэрэгт мордоход Баянлиг баатар Сэлэнгэ даган зусаж байлаа. Сүүлд сонсоход мал хариулахад туслуулахаар Мөнхлүгэн эх гэртээ хоёр булгар эмэгтэй байлгаж Эгийн гол өгсөн Ямаат нуураар нутаглаж буйг мэджээ.

Баргуужин нутагт өвөлдөө цас их унана. Тийм учир хүйт ормогц Шилэг гол уруудан Амар мөрөнд хүрч, тэндээс цасны нимгэнийг дагаж Номин голын хөндийд ирсэн нь тэр бөлгөө. Амар мөрний тэрслүү нанайчууд уулын хөвчөөс гэнэт дүүлэн довтолж морь дээрэмдэхээр сандраах авч оторчдын өдөр тутмын амьдрал эс алдагдана. Номин голын хөндийд хавартай золгож хааны албанаас зайлсхийх дээрэмчин нанайгаас холдож сэтгэл тайвшираад байлаа.

Майхны баадан гэнэт сөхөгдөж толбот цоохор өлбөнхөн дээл дээр ямаан элгэвч сөгөлдрөглөж сахал үс нь цантсан бүдүүн бор эр цухуйв.

- Хөөе Жиглэг. Танайхан хаана байна? гэж асуув, Жиглэг нойрмоглон өндөсхийж,

- Адуу адуулж яваа, даамалтан! гэж нойрмоглон өчив.

- Худал хэл! Тэнд чинь ганц Дөштөмөр үүрэглэж сууна. Бусад чинь хаачсан бэ? Бас л айл хэсэж тогоо өнгийж суугаа биз дээ! гэж эргэн тойрноо ажиглан зогссоноо

- Бид эгэх цаг болжээ. Буухиа ирлээ. Удахгүй Гүюг хаан баруун зүг морилох юм байх аа гэж бодолхийлэн өгүүлэв. Тийм үг сонссон Жиглэгийн нойр сэргэж,

- Даамалтан минь, хэзээ буцах вэ? Адуугаа туугаад буцах уу? гэж баярлан асуухын сацуу тарга тэвээрэг аваагүй энэ хэдэн адууг ган гачигт идэгдсэн Хангайн нуруунд аваачна гэхэд гайхасхийн эргэлзэв.

- Туугаад буцна. Харин чи туухгүй. Уулиранхай, Дөштөмөр та гурвыг Начигай ноён зарлан дууджээ гээд хэсэг ажигласнаа - За чи бос бос. Уулиранхайг олж ир. Энэ доод бургасанд нутаглах хонхироодынхоор л байгаа биз. Адуугаа тэлэнгүүдийн Дулдайд аваачиж нийлүүл. Тоо бүрэн биз. Осгосон адуу танайд байхгүй шиг санах юм гэхэд,

-Тийм ээ ноён Даамал. Би одоохон давхиад ирье гээд гахайн арьсан туухуувчаа углаж, цас чахруулан гарч морины уяа өөд хөнгөн хөнгөн алхав.

Тэд адуу малаа хүлээлгэн өгч замд бэлдсээр харанхуйтай золгов. Цэргийн хүнсэнд тавьж өгдөг будаа, арвай, гурил, өрөм тос, үнхэлцэгтэй борц, хуурай сүү юухан хээхнээр богцоо дүүргэж, үнэгэн дулаалгатай дуулгаа өмсөж шөнө дүлээр ой тайгыг гатлан цас манарган давхисаар Начигай ноёны өргөөнд ирлээ. Тэднийг хүлээж ядсан мэт харуулын цэрэг баяртай угтаж, бүдүүн шар саадагчид яаран хүргэж өгөв. Тэр хүн залуусыг мориноос буухаас урьтан гэрээс гарч мордоод шууд өтгөн ногоон хушин ойд дагуулан орж тэмтчин явсаар нэгэн бөглүү аманд очив. Ойн цоорхойд ганц гэр байв. Гэрийн гадаа мориноосоо бууж орцгоов. Гэрэл гарахад гэрийн доторхыг ажиглавал Парс газрын эрээн хивс дэвсэж, ирвэсийн арьсан хөнжилтэй исэр ор зэрэгцүүлэн тавьсан баян тансаг, тохитой өргөө харагдлаа.

Жиглэг хуягныхаа гадуур нөмөрсөн цагаан ямаан хүрмээ тайлан ханын толгойд өлгөж, бяцхан эвгүйцсэн байртай Дөштөмөрийн эрмэг хурц нүдийг сэм харж мөрөө хавчин гайхсан царайтай хатавчин тушаа займчин зогсов. Тэднийг газарчилж ирсэн бүдүүн шар хүн тулганд гал өрдөж,

- Морилцгоо хүүхдүүд. Та нар хэд хоног алжаалаа тайлж энд амарцгаа. Наад сэлэм жадаа хананд өлгө. -Би хоол хийе. Хүүхдүүд хайлсан айраг ууцгаа. Наад ваартайгаасаа аягал аягал. Алив Жиглэг хөвгүүн өөрөө хийгээд уугаач! гэхэд Жиглэг бүр гайхан алмайрснаа гэнэт сэрэх мэт гутлын гадуурх туухуувчийг тайлж хойморт гарч суув. Дөштөмөр Уулиранхай нар түүнийг дуурайж хувцсаа хөнгөлөн парс хивсэн дээр цомцойн сууцгаав. Сэлмээ ямар ч атугай биеэсээ салгасангүй өвөртөө хөндөлсүүлэн хавчуулж болгоомжлох аядана. Бүдүүн шар саадагч үнсний утгуураар галаа шилээх завсраа тэднийг жуумалзан харж,

-Начигай ноён та бүхнийг эндээ амарч бай гэсэн юм. Энэ гэрийг та нарт барьсан юм шүү. Айж цэрвэх юмгүй гээд сэлмийн нь хялавхийв.

Тэд цочин сэрж хар даран зүүдэлцгээж, тэр шөнийг нойр муутай барав. Өглөөгүүр саадагч яваад өгсөн байлаа. Дайчин хөвгүүд хар үүрээр өндөлзөн босоцгоож өлөн элгэн дээр хүйтэн айраг залгилж сэргээд гадаа гарч эргэн тойрны уул хад, ногоон гацуур хуш модны мөчрөөс нурж унах цасыг ажиглан зогсов. Гэрийн ойролцоо морины хомоол дээр цугларах зана бялзуухайнаас өөр хөдлөх амьтан үл үзэгдэх балар шугуйд ирсэн байлаа. Гэрийн хаяанд үсээ өрвийлгөцгөөн хүйтэн агаар залгилан үг дуугүй зогсоцгоосон тэд баахан жихүүцэж гэрт эргэж оров.

-Ойр хавьд айл амьтад алга. Начигай ноён, ямар санаатай энэ их хөвчид биднийг хорио юм бол. Учрыг нь мэдэх юмсан хэмээлдэн нэг нэгнээсээ сурцгааж хий л тааварлан сууцгаалаа.

Тэд гэр орноо санаж, нутаг буцсан хааны агтач нарт атаархан хойноос нь нэхьюү гэхэд ноён хүний зарлигаас хазайх тул хий л бухимдан тогтож сууж ядна. Тэгж харанхуй ойн чанадад хийх юмгүй гиюүрцгээж хоёр өдрийг авлаа. Буурч шар өвгөнийг ирж хоол унд залгуулах тоолонд залуу дайчид шалж ноолж ам хамрыг нь чангаан нэхэх боловч юу ч мэдэж үл чадав. Гурав дахь өдрийн ургах нарнаар зэвсэг агссан хэдэн морьтой хүн ойн зөргөөр гараад ирлээ. Малигар шар буурчтэднийг угтан тосож торгон дээлтэй хээнцэр эрийг онцгойлон хүндэтгэж дөрөө түшин буулгаад найр тавин мэхэлзэв. Начигай ноён биеэрээ иржээ гэж тэр гурав гадарлав. Начигай ноён хүчдэтгэн зогсох гурван эрстэй ээлжлэн золгоод гэрт орж хойморт суув. Бие хамгаалагчид гадна үлдэв.

- Уйдаж цөхөрч сууцгаана уу? Миний барьсан гэр санаанд тохироогүй бололтой гэж өтгөн хар хөмсгөө сөхөн инээмсэглэв. Мань гурав хий л унь тооныг ажиглан «Яалаа гэж дээ» гэсэн байртай мушилзацгаана.

-За тэгэхлээр би та нарыг нэг нууц хэрэгт зарахаар даамалтай хэлцэж үлдээсэн юм. Нэгэнт даамал та гурвыг надад мэдүүлж үлдээсэн учир би та нарын ноён гэдгийг ухах юун? гэж харц нь догширч ирэхэд залуу дайчид өвдөг сөхрөн мэхийж эзэн ноён юу гэж зарлигдахыг хичээнгуйлэн сонсов.

-Жиглэг! Би та нарыг Амар мөрний хойд шугуйд Нанай нартай хатгалдсан гэж дуулсан үнэн үү. Хэчнээн дайчин байсан бэ? гэхэд Жиглэг царайгаа хувьсхийлгэж хэрэг бишдэхийг ойлгоод,

Найм ес байх аа. Зарим нь бут сөөгний ард орчихоод мэдэгдээгүй гэв.

- Та нар хүний тоог мэдээгүйгээсээ болгоомжлон зүрх алдаагүй биз?

- Бид ухарвал адуугаа алдахсан биш үү? Ноёнтон! Байдгаараа л зогссон маань тэр. Тэдний толгойлогчийг харваад унагачихаар бусад нь ойд хоргодохоор зугтаасан.

- Дөштөмөр чи бас бар намнасан гэсэн байх аа? гэхэд Дөштөмөр цочин өндийж,

-За тийм ээ. Ноёнтон Би бар намнасан гэж гайхан өгүүлэв. Тэгснээ гэнэт ухаарах мэт - Арьсыг нь даамлаар дамжуулан хааны санд өргөсөн билээ гэж нэмэв. Начигай ноён инээмсэглэж

-Тэр арьс яах вэ! Тэр тухай би асуугаагүй. Бар намнах хэцүү юм уу. Нанайтай хатгалдахаас урьд уу, хойно уу? гэж сонирхож байгаа царай нь тэр хэмээн тайлбарлаад буурчийн аягалсан хултай айраг шимэв.

- Нанай нараас хавьгүй урд Шилэг голын хөвчид болсон юм. Сайн жадтай бол баавгай алахаас ялгаа юун гэж өчвөөс,

-Баавган агнах ч хийморьтой сайхан. Шархадсан үед нь жад хугарвал ч хэцүү дээ гэж нүд нь гялалзан өнийн явдлаа санасан бололтой аяган дээгүүрээ өнгийв. Дөштөмөр толгой дохин ая засаж,

- Хатгачихаад туйлуулбал ямар ч жад хугарна л даа. Бүр гар мухардвал хутгатайгаа суганд нь орвол өөрөө их уруулахгүй гүйцээж болдог юм гэж өгүүлэхэд Начигай ноён толгой сэгсрэн инээмсэглэж,

-Би залуудаа жад нь хуга үсрээд шархадсан баавгайд морин дээрээсээ хумиулчихсан анчныг харсан л юм даа. Тэгэхээр би энд баавгайн ангийн тухай ярих гэж ирээгүй гэдгийг та нар гадарлах биз. Та нар нэг ноёныг дагаж харийн газар явах болно гэснээ шар буурчид хандаж,

-Бэхтөрийг дууд! гэж хэлэв. Төдөлгүй үүд сөхөгдөж ханагар сайхан залуу тэвхэлзтэл алхан орж ирээд зүүн хойморт гарч суув.

-За тэгэхээр Бэхтөр чи сонс! Эдгээр баатар хөвгүүд чамтай явах болно. Хөвгүүдийг энд байгааг хэн ч мэдэхгүй. Та нар Амар мөрний шугуйд нанайчуудтай хатгалдсаар яваад хааны сүргийг хамгаалж амь үрэгдсэн улсууд. Чи Баргуужингийн оронд хар булга бэлдэхээр одсон хүн. Хатны дэргэдэх туршуулд тэгж ойлгуулсан. Тийм учир явах замдаа хэнтэй ч уулзаж болохгүй. Та нар харанхуй тамын орон, нарлаг шиврийн заагаар явна. Ижил мөрөн хүрэх болно. Замдаа ойрд, орос, огуз ямар ч хүнтэй учирч үл болно. Шихихутаг ноёны гар урт шүү болгоомжил. Буухиа улаа, бүүр ч хэрэглэж болохгүй шүү. Өнөө шөнө та дөрөв надтай явж их хатан Сорхугатани бэгээс захидал авна. Хэрэв та нар эндвэл Хэрээдийн их хатан амьдрах эсэх нь шийдэгдэнэ шүү Тулуйн угсааны хан хөвгүүд чингэвээс мөнхөд тэвчихгүй. Сорхугатани бэг хатны хүсэл их хааны хүсэл зоригоос гадуур авч Чингисийн алтан ургуудыг эвдрэлцүүлэх хуумгай хэрэгт өртвөл тэнгэрийн хилэнг хүртэх болно гэдгийг ухаарч явахыг сануулъя гэхэд Жиглэгт орчлон ертөнцөд амьдрахын төгсгөл ирэх шиг санагдав. Амьсгаа боогдож нуруугаар хүйт даан зарайж хөлс нь чийхарлаа.

Монголын их хаан Гүюг, Чингисийн алтан ургийн хоорондох гэр бүлийн маргааны гүнд нь орж өөрийн эрхгүй тэдний хумс хурууны үзүүр болсноо ухаарав. Эмэгтэй хүний хумс хортой л байдагсан даа. Хугарахдаа ч амархан, ургахдаа ч хурдан.

Түүний балартсан ухаанд тооноор тусах наранд бууралтаж яваа үс, урдаасаа халзайсан магнай нь тос даан гялалзах Начиган ноён, аймшигтай үгээ урсгах тутам гэрт багтахгүй өсөн тэлж, цэрэг эрийн хуяг дуулгыг шаржигнуулан няцлахаар дарах шиг санагдав.

Холын аянд зарагдсан залуучууд Начигай ноёны зарлигийг хүлээн аваад удаж саатсангүй хатны сүргээс шилж барьсан аргамаг сайн хүлэг унаж хоёр хоёр хөтөлгөө морь хэрэглэн тарган шар буурчийн бэлдсэн замын хүнс хэрэглэлийг ачаалж харуй бүрийгээр гэтэн хөдлөв.

Тэд хот айл, манааны шовгороос дөлөн явсаар үүр цайхын өмнөхөн Сортугтани бэг хатны өргөөнд дөхөж ирэв. Үнэгэн харанхуй дундаас хэдэн хэвтүүл цэрэг гэнэт гарч мориных нь цулбуураас зууран авав. Зоригт хөвгүүд цочирдон сэлмээ сугалж байлдьюу гэтэл,

-Зарлиг үзүүл гэж шаардах дуу сонстов. Начигай ноён үнэгэн дахаа нээж нээжинд зүүсэн Ойгулкаймиш хатны хүчингүй болсон алтан пайз харуулахад,

- Хатан хүлээж байгаа. Чимээгээ аяд гэж тушаах сонстож тэднийг дагуулан хатны өргөөнд орохоор цас чахруулан алхав.

-Сорхугтани бэг хатан тулганы дэргэд булган дээл нөмрөн цомцойн сууж байв. Тарган цоохор царай нь ихэмсэг дүр тодрох авч эх хүний санаа зовсон ядрангуй шинж илэрнэ. Дөрвөн дайчин хатны өргөөний баян тансагт балмагдаж өлмийд нь сөхрөн унав. Хатны гэрэлт чимэг шигтгээтэй мөнгөн товчнууд дэнгийн гэрэлд бүдэгдүүхэн гялтганана. Бууралтаж яваа үсэндээ хавчсан эрхий хуруун чинээ бадмаараг товчоо дуурайх мэт ус гүйлгэнэн улайрна. Удахгүй энэ усан улаан бадмаараг, алмас эрдэнээр солигдоно гэдгийг хэн мэдэх билээ. Сорхупани бэг хатан Начигай ноёныг дохиж ойртуулаад,

- Нөгөө баатар эрсүүд эд нар мөн үү? Би чамайг баригдаж хороолгочихов уу гэж санаа зовж суулаа. Алив Мөнх миний хүү, аваад ир гэж хэлэхэд бүдэг гэрэлтэй хоймроос дунд зэргийн нуруутай бадриун байрын залуу нойр нь хүрсэн шинжтэй хөмхийгөэ зуун шүдэн завсар эвшээсээр эвхэж нугалсан бичиг гартаа барьж ирэв. Их хатан бичгийг дэлгэн дэнгийн гэрэлд гүйлгэн хараад ус үл нэвтрэх булигаар хавтганд дугтуйлж битүүмжлээд Бэхтөрт өгч,

-За үүнийг нисэх мэт довтолж Бат хаанд хүргэж барь. Омогтой бардам хан хүү бие тоож ахмад биднийг үл тоомсорлон гадуурхах боллоо. Өөрийнхөө эх Туракинааг цааш нь харуулсан хүн намайг ч тэнгэрт халиахад сэтгэл түвдэхгүй. Начигай ноён та нарт учрыг хэлж ойлгуулсан уу гэхэд Бэхтөр захидлыг хүндэтгэн хүлээн авч,

-Их хатан санаа зоволтгүй. Учрыг ухаж бүх болгоомжлуутай зүйлийг мэдсэн. Таны хүсэл зоригийг тань ёсчлон биелүүлнэ гэдгийг хөх тэнгэрийн нэрийг барьж андгайлья гэж хариулав.

Жиглэг энэ аймшигтай зүүднээс салахыг хүсэх мэт нүдээ анивчин нухаж их хатны зарлигийг итгэж ядан сонсож, Бэхтөрийг даган сөгдөхөд Сорхугтани хатан дэргэдэх зандан хайрцгийг нээн хэвтээ оонын дардастай мөнгөн чагттай хавтага авч.

-Май үүнийг ав. Хэцүү үед энэ хэдэн сүхэс хэрэг болж мэднэ гэхэд алт мөнгөн зоос шардхийн тоссон гар дээр буув.

-Тэнгэр та бүхний аян замыг тэтгэх болтугай. Ингээд хөдөлцгөө. Тун болгоомжгой яваарай. Үүр цайж байна гэж яаруулахад дөрвөн дайчин мэхийн ёслоод гарч одов.


Top
   
PostPosted: Sep.30.15 8:27 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.05.03 8:24 pm
Posts: 440
Өмнө нь хэн нэг нь форумд оруулсан байсан биздээ? Бас e-book болгоод нэтээр ч бас нилээн тавьчихсан харагдаж байсандаа.

_________________
http://moonmedia-mn.blogspot.com


Top
   
PostPosted: Oct.01.15 11:42 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 5:02 pm
Posts: 4820
Location: зогсолтгүй..
Batu_khaan wrote:
Өмнө нь хэн нэг нь форумд оруулсан байсан биздээ? Бас e-book болгоод нэтээр ч бас нилээн тавьчихсан харагдаж байсандаа.

tegeed? :col:

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
   
PostPosted: Oct.01.15 4:58 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Batu_khaan wrote:
Өмнө нь хэн нэг нь форумд оруулсан байсан биздээ? Бас e-book болгоод нэтээр ч бас нилээн тавьчихсан харагдаж байсандаа.

Өө тийм үү? За яахав яахав. Хэд гурван хүн уншиж байгаа юм байна. Оруулсандаа оруулаад дуусгачихъя аа.


Top
   
PostPosted: Oct.01.15 5:14 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Есдүгээр бүлэг

Далайгаас чийгтэй бөгчим салхи үлээнэ. Далайн давлагаа хөөс цахруулан дэлдэх дээрээ бяцхан цайзтай толгойн эсрэг мөнх ногоон эвэрлэг модоор хүрээлүүлсэн зүлгэн дээр сүрлэг том тэрэм босгосон харагдана. Шаргалтан үзэгдэх тэрмийг тойроод хэмжээгээр жижиг боловч гоё ганган асар майхнууд цоохортож, ихэвчлэн хуяглаж бэхэлсэн мухлаг тэргээр хүрээ татсан байна. Энэ гоё ганган хүрээний гадуур хэсэг бүлгээрээ цэргүүд бууцгааж мянгат мянгатаараа, түмт түмтээрээ ялгаран ногоон хөндий дүүрэн жодгор майхнаа босгож, адуу мал багшран, түүдэг галын утаа май галт уулын халуун рашаан шиг энд тэнд суунаглана.

Хоргой торгоор эмжиж харгам хатгаж чимсэн шар эрээн асрын дунд хөнгөн тэрлэг өмсөж эрдэнийн бүс бүсэлсэн гурван ноён нимгэн сарьсан дээрх газрын зураг дээр тонгойж олон өнгийн модон чий өрж бодлогошрон сууж байв.

- Чурамган ноён чи бартаатын морин толгойг энд Аррат уулын баруунтайгаар тавиач гэж туранхайдуу настай хүн гар зангав. Ширвээ хар сахалт нас тогтсон ноён элгэн ваадан уудалж морь тэрэг, майхан чингэлгийн сийлбэртэй урт богино олон өнгөт чийнээс богино улааныг шилж өгөв.

- За ингээд гурван өдрийн зам болж байх шив дээ гээд өрөн дээр өрөөтэй дүрсүүдийг ажиглан эрүүгээ тулан бодлогошрох ноёныг өгүүлэхэд нөгөө хоёр нь зөвшөөрч,

- Тийм ээ ноёнтон гэж толгой дохин хариулав. Чурамган ноён зургийг бүдүүн хуруугаар чичиж,

- Илжигдэй ноён та Ачигхори ноёны түмтийг энэ гурван хоног Ван нуурыг ороож амжина гэж бодож байна уу? гэж асуув. Илжигдэй ноён толгой өөд татаж Чурамган ноёныг харснаа,

- Амжина, амжина. Морин толгой байтугай тэрэгтэй чий өрөхөд амжиж таарсан юм. Амжихгүй бол амжуулах хэрэгтэй Түүний тулд би Ачигхори ноёныг уулгын цэргийн жанжнаар тавьсан билээ гэж зоримог хүүрнэв.

- За тэгвэл би очоод отоонд хүлээж байя. Ачигхори ноён чи надад дохио өгнө биз гэхэд,

- За мэдлээ гэж залуухан ноён тонгосхийн ёслов.

Түүний чихний хойгуур унжих гогцоолдож тумласан үс нь санжигнан унжихад толгойгоо сэжин хойш нь хаяж гарахыг дохиолон молор эрдэнэ жинстэй булган малгайгаа засав. Илжигдэй ноён өвдгөө тулан өндийж

- Цаг алдалгүй морд. Хөс дага уулын хормойд гурван өдрийн дараа ургахын улаан нарнаар хатгалдахад бэлэн бай. Могой гишгэдгийн хавцлыг урьдчилан эзлэх болно. Өөрийнхөө түмтийг тийш нь довтолгож яваагаа чандлан нууцал. Хаданчигай баатрын сайн эрсийг урагш давшуулж замд дайралдах хэнийг боловч хөгшин хөвөө гэлгүй барьж хоргоо. Чи гурав хоногт амжиж зам хаахгүй бол Түрэгийн Хөсрөв султаныг Шариф Ад Дины сельжүг нартай нийлүүлэхэд хүргэнэ. Чингэвээс мөнх тэнгэрийн хилэнг хэн ч хаацайлж дийлэхгүйг мэдтүгэй хэмээн зарлиг буулгав. Ачигхори ноён зарлигийг хичээнгүйлэн сонсож духандаа гараа хүргэн ёслоод,

- Мэдлээ дээдэс мииь. Зарлигийг тань ёсчлон гүйцэтгэе гэж огцом дуугаар хариулаад босож харуул хэвгүүлээс сэлэм, хуйгаа авч хуйлаад гарч одов. Гадаа Ачигхори ноёны хиа дагуулын мордох чимээ тасрахад Илжигдэй ноён сарьсан зургаа хуйлж Чурамган ноёнд өгөөд үүдэнд зогсох хэвтүүлд дохио өгөв. Гаднаас Илжигдэй ноёны шадар нөхөд, бамбайч, буурч, түшмэд орж тус тусын дассан суудалдаа очиж ажил хэргээ үргэлжлүүлэв. Айраг дарс аягалцгааж, дүнгэр дүнгэр яриа дэлгэж. Илжигдэй ноён саадагч буурч нараасаа нутгийн байдал, мал хөсгийн хүрэлцээ, цэргийн сэтгэл санааг асууж энэ тэрийг хүүрнэж байв.

Эдгээр ярианы дундуур тоос шороо болсон хөлсөндөө халтартсан буухиа элч, эргүүл тагнуулууд гаднаас байн байн ирж эргэн тойрон арван өдрийн газрыг тоочиж яриаг таслах боловч Илжигдэй ноёны сэтгэл эс үймэрнэ. Илжигдэй ноён шинэ мэдээ авмагц туг, тагнуул, цэрэг, хөсөг хариуцсан даргач даамал нарыг дуудаж зарлиг буулгана. Гэнэт харуулын дарга,

- Их эзэн хаанаас буухиа ирлээ гэж зарлахад ноёдууд толгой өндийлгөж Илжигдэй ноёныг орхиж гарах болсонд битүүдээ дургүйлхэж шүүрс алдацгаав. Илжигдэй ноён санаандгүй өөрөө босож

- Бага асарт оруул гэж зарлиг буулгав. Түүнийг гарч бага асарт ороход тоос шороонд даруулан нүүр нь харлаж, нүд нь эрүүл бус гялалзах ядарч туйлдсан шинжтэй залуухан уйгар цэрэг өвдөг сөхрөн ёсолж хар цэцэгтэй гашуудлыг дугтуй өврөөсөө сугалж өргөв. Элч залуугийн шөрмөслөг гарын хумсны толь, хүзүүнд зүүсэн начин шонхортой мөнгөн пайз гэрэл муутай асар дотор цайран гялалзахад бусад бүх юм, бие барьсан булигааран дугтуй, өмд гутал, шарлаж улайсан нүдний нь цөцгий хүртэл бэлэвсрэлийн цэцэг шиг тас хар санагдаад явчив. Илжигдэй ноён хар цэцэгтэй өлзий бусын дугтуйг задалж захиаг гүйлгэн уншаад.

-Хаанаас ирэв? гээд залуу цэргийг нүдний булангаар харав. Тэр залуу далдиран,

- Самаркандаас шууд ирлээ гзж гайхуулах гайхахын хооронд өчив.

-Хэд хонов? гэхэд,

-Гарснаас хойш хоёр өдөр шөнө боллоо гэв.

-Замд чинь өөр ноёдод шуудан өгөв үү?

-Үгүй. Байлдаж буй туг бүрд, хааны ураг садан тоолон тус тусад элч зарсан гэж хатсан уруулаа долоож хэлэв. Илжигдэй ноён захиагаа өвөртөлж,

-За чи энэ өрөөнд амар. Агсагдаж ядарсан биз. Чиний наад ширэн дугуйг тайлуулахаар хүн ирүүлье гээд гарч одов.

- Илжигдэй ноён уруу царайлан өөрийнхөө олбогт очиж бодолд унан хэсэг зүүр дуу хурааснаа,

- Миний өрлөг, шадар цэргүүд сонсогтун. Их улс уй гашууд учирчээ. Тэнгэр эзэн хаан Гүюг таалал төгсжээ. Баруун зүг Византийг дайлах цэргийг биеэр удирдан яваад чөтгөрийн хот Самаркандад хорлогджээ. Бид яах вэ? Түргүүдийг дайлах уу, буцах уу гэж асрыг тойруулан харснаа - Үгүй бид түргүүдийг дайлна. Хөсрөв миний эзэн Гүюгт алба барьж, алтан өлмийд нь сөгдөхийг ихэмсэглэн татгалзсан билээ. Би түүнийг их эзний тэнгэрт хяльсан сүнсэнд нь сөгдүүлэхээс нааш буцахгүй гэхэд асарт сууцгаасан ноёд эхлээд түүний үгэнд итгэж ядан гайхсанаа сая ухаарав бололтой яах учраа олохгүй өндөлзөж заримынх нь хацар ам эвгүй татавганаж, заримынх нь нүд гөлөлзөн гөлрөв.

Илжигдэй ноён нам гүм болсон шадар жанжингуудаа үл анзаарах мэт эргэж аймшгийн хар цэцэгт дугтуйг бичгийн ширмэн авдарт хийв.

- Чурамган ноён чи одоо ингээд морд. Их хааны өргөөнд очих ёсыг гүйцэтгэ. Би маргааш цэргүүдтэйгээ тайлга хийж Хар ус гол тийш хөдөлнө. Ямар ч гэсэн Хөсрөвийг дарах хэрэгтэй. Эс амжвал Ачигхори ноёны түмт сүйрнэ. Дарив бөөг дуудагтун! Хар сүлдэн тэнгэр уриул. Найр наадмыг зогсоо. Нааш цааш хөлхөж, тэнэхийг хорь! гэж цэргийн хүрээний наргиан шуугианыг, цаазлан зогсооход дарга ноёд үг дуугүй өвдөг нугалан сөгдөв. Бичигч бор залуу Илжигдэй ноёны чихэнд тонгойж,

- Гүржийн Рүсүдани хатны бараалхан ирэх цаг дөхлөө. Түүний буцаах эсэхийг болгоож хайрлана уу? гэж шивгэнэн асуув.

- Нээрээ Рүсүдани хатан алба барихаар миний хажууд морилон ирэх ёстой Түмэн цэрэг босгож угт. Бараа бологчдыг хүндлэн ундлуул. Рүсүдани хатныг буцааж үл болно. Тэр бол манай өмөг түшиг Туракина хатны садан сүлбээ, өндөр сурвалжит авхай гэдгийг сана. Зүүн энгэрт ургах хэдэн сайхан майлсны дор хөнгөн асар бариул гэж зарлиг буулгав.

Удалгүй бүрээ бишгүүр хангинаж морьдын төвөргөөн чийгтэй газар пижигнэж, хуяг бамбай харшилдаж, гоёж гоодсон Илжигдэй ноёны торгон цэргүүд цагаан нөмрөг дэрвүүлж хилэн хар морьдын гуя гялталзан Рүсүдани хатныг угтахаар жагсаалаар хөдлөв. Ёслолд оролцох түмтийн хуяг дуулгат нарүүд зуут зуутаараа, мянгат мянгатаараа уулын энгэрт жагсан хэнгэрэг дэлдэж бишгүүрдэв.

Удалгүй армен, гүрж, черкес цэргүүд гоёж гоодсон хатад авхай нарыг дагуулсан цуваа хадтай цохио ороон гарч ирэв. Түүний хоёр талаар гинж шиг ирийх цагаан цуваа нь Илжигдэй ноёны торгон цэргүүд сэлмээ сугалан өөд барьж сүржигнэн хатируулах нь тэр байв. Рүсүдани хатан мориноосоо эр хүн шиг харайн буув. Гүржийн бавгар хар сахалтай баатар ухасхийн газар унаж хатны өмнөөс Илжигдэй ноёнд сөгдөж амар амгаланг айлтгав.

Илжигдэй ноён Рүсүдани хатныг асарт оруулж торгон олбогт суулгав.

Хатныг хүндэтгэн дуу хөгжим үүсгэсэн цэргүүд асрын амаар эгнэн жагссан харагдана. Бусад түмтийн хүрээ үхсэн мэт дуу чимээгүй таг чиг болжээ. Рүсүдани хатан монхордуу сарьслаг хамрынхаа хянгыг үл мэдэг үрчийлгэн инээд алдавч хар сүлд дуудуулж хөдөлгөөнгүй таг чиг болсон эрээн талыг гайхсан нүдээр ширвэн ажиглаж учрыг төдийлөн олсонгүй. Илжигдэй ноён Гүржийн хатныг зочлох зуур гуниг дүүрэн харцаар ширтэж,

- Эрхэм хатан таны сонорт нэгэн гунигт мэдээ хүргэхийг болгоогтун. Тэнгэр их эзэн хаан Гүюг эрэлхэг зоригт хатан таныг цаг ямагт халамжлан тэтгэж явахыг хүсэмжилсээр хөх тэнгэрт халин оджээ. Эрхэм хатан та газрын холыг төвөгшөөлгүй аялан давж монголчууд биднийг хүндэтгэн бараалхсанд эзэн хааны сүнс тайтгаран баясах болтугай гэхэд Рүсүдани хатан нүдээ дүрлийлгэн царайгаа хувьсхийлгэн барайлгаж,

-Ноён жанжин та юун тухай айлднам бэ? Хөөрхий ядмаг эмэгтэйн зүрхийг эмтлэх юун үг хэлэв ээ. Иссус бурхны хилэнгээр чих минь андуу сонсов уу гэж дуу алдваас Илжигдэй ноёны гунихран гаслах нь нэмэгдэж,

-Эрхэм хатан та зөв дууллаа. Их эзэн хаан Гүюг насан өөд болж Mонгол улс бэлэвсрэн хоцорлоо гэж хүнгэнэн өгүүлэв.

-Их эзэн хааны орыг хэн залгах вэ Гүрж черкес улс түмний хувь заяаг хэн мэдэх вэ. Ачит хааны ивгээлээр заналт муусайн дайснууд. Желал Ад Дины харгис муусайн цэргүүдээс салж энх тунхыг олов гэтэл эзэн хаан минь ядарсан биднийг орхин оджээ. Одоо бид үнсэнд хаягдсан шалз шиг тийчигнэж, хаа гуянаас минь үмхэн залгихаар шүлсээ савируулан тэнүүчлэгч шунахай дайсны аманд орох нь энэ үү? Зовж тарчилсан улс минь хүчээ аваагүй байна. Доромжлуулж гишгүүлсэн бурхан шажин минь өшөөгөө авч чадалгүй үлдэх бололтой хэмээн гаслан өгүүлэв. Илжигдэй ноён алтан гургуулын өд хатгасан ёслолын малгайтай тэргүүнээ гудайлган хаяагаар сууцгаасан гүнж авхай, язгууртан ноёд, баатар цэргүүдийг ажиглан.

- Эрхэм Рүсүдани хатан! Та сэтгэлээ бүү чилээ! Их эзэн хааны зарлигийг эцэст нь хүргэх суу заль төгс Нагуу, Хожа хоёр хан хүү үлдсэн. Тэдгээр зоригт хөвгүүд төрийн жолоог бат атгах бүргэдийн хумстай, албат иргэдээ хаацайлах арслан барын зүрхтэй эрсүүд билээ. Их эзэн хааны өрлөгүүд бид улс гэрийг яавч эзэнгүйдүүлэхгүй. Гүрж та нарыг түргүүдийн гарт өгөхгүй гэж андгайлъя. Би түргүүдийг дайлна. Би Хөсрөвийг өлмийдөө сөгдүүлнэ. Тэр цагт Түрэг Гүржийн эвдрэлцэн тэмцэлдээн эцэслэж их монгол гүрний нэгэн ивээлд багтаж ард иргэн, өнгөт нүдтэн, нохой царайтан, эр эм саармаг хүйстэн цөмөөр мөнх тэнгэрийн хүчин дор эвтэй найртай жаргах болно гэж айлдав.

-Бид хааны санд Тифлис хотноо миний эцгийн дэлдүүлсэн арван сая дэрхимийг өргөхөөр хүргэж ирлээ. Энэ дэрхимийг Туракина хатны зарлигаар Гүюг хааны боол хаан Давидаас улсын санд гүйлгэхээр бэлдсэн юм. Их хааны санд гүйлгэхээр дэлдсэн алтан Дэрхим амьсгалаар бүлээцэхгүй өнгө алдрах юун бол.

- Айлтгүй эрхэм хатан. Түүний хэргийг залгамжлах зоригт Нагуу, Хожа хөвгүүдэд хүргэж тэд тэжээн тэнхрүүлнэ биз.

Асрын төвд Дарив бөө Гүюг хааны сүнсийг тэнгэрт даатган цамнаж, тал хэнгэргээ дэлдэж, сагсгар годоо арвалзуулан онгодоо дуудав. Нялуун үнэртэй уулын намууны үр галд уугин савсаж хамар цоргин ханхлах ба тэнд байгсдын нүдийг эрээлжлүүлэн толгойг эргүүлж нэг үе цагаан манан татан утаа унгасаж, асрын адарт суунаглах утаан дунд Чингисийн есөн цагаан хөлөг үзэгдэх шиг болж байв.

Уужим асарт тойрон сууцгаасан ноёд хатдын царай цонхийн цайж, хэнгэрэг дэлдэхийн тоолонгоор бөмбөлзөн доргицгоож, омголтсон уруулаа долооцгоон, могой үзсэн мэлхий мэт нэг цэгт гөлийцгөөнө. Дарив бөөгийн амнаас цагаан хөөс сахарч хамаг бие нь салганан чичирч олбог дээрээ унаад онгод бурхантайгаа хөөрөлдөн ярьж байн байн татваганан бувтнаж байлаа. Сүүл сүүлдээ ухаан алдаж даавууны өөдөс түүдгэлсэн юм шиг толгой хөл нь ч ялгарахгүй болов. Түүнийг ухаан орж нүдээ нээхэд Илжигдэй ноён өндөсхийн дөхөж юу хэлэхийг чагнахад,

- Гүюг хааны сүнс хөх тэнгэрийн ивээлд багтлаа. Ялалтын од мөнхөрсөн байна. Чингис хааны алтан дүр Зүч, Тулуй хүүдээрээ түшүүлж, Өгөөдэй, Цагаадай хөвгүүдээрээ дэмжүүлж, Гүюг ачийнхаа сүнсийг арчлан угтав. Өрнө зүгийн морины хошуу эргэх цаг болоогүй байна гэж сулхан шивгэнэхийг майханд суусан хэн бүхэн тодхоноо сонсоцгоолоо.


Top
   
PostPosted: Oct.01.15 5:16 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Аравдугаар бүлэг

Нар тэнгэрийн хаяа барин ёлтойж, эцэс төгсгөлгүй ургэлжилсэн намаг морины хөлд шалчганан бамбалзана. Салхи шуурганд бөгтийж тахийсан тарваган хар мод энд тэнд ёрдойж түүний сүүдэрт хайлж амжаагүй цас цоохортон цайрна. Хэсэг зуур дулаарсан цаг мөчийг ашиглах мэт хагд хөвд ногоорон цэцэглэж, усны шувуу түм бумаараа сүрэглэн нисэж дов толгодыг зай завсаргүй шаван бууж, өндөг үүрээ дарж ангаахай зулзагаа бойжуулах гэж яарна.

Хөтөлгөө морьтой дөрвөн залуу цэрэг зогсолтгүй урагшлан нэгийнхээ мөрийг даган дуу шуу цөөтэй цувралдан сажилна. Бэхтөр үе үе өлийж нарны байдлыг ажиглаад зүг чигээ баримжаалан тогтоож дотроо тооцоолон бодлогоширч, зүдэрч улайсан нүдээр өмнөх холгодыг хомхойрон ширтэж явав. Тэрээр намар усны шалчганах чимээг дарж,

-Энэ толгодын цаана гарвал газрын байдал гайгүй болох боловуу даа гэж нөхдийгөө урамшуулах мэт хэлэхэд Жиглэг тосон авч,

- Бид ямар ёрын намагт орчихов оо. Ёстой харанхуй тамын зааг байвал таармаар газар байна гэв. Бэхтөр мориндоо ташуур өгч,

-Эндээс хойд зүгт явбал ёстой харанхуй тамын оронд очно доо. Манайхан аман дээр нь гүү уячихаад унагыг нь хөтлөн орж олз омог хайдаг юм гэнэ билээ. Буцахдаа унагаа тавиад дагадаг юм гэж мэдэмхийрэхэд Жиглэг урьд энэ тухай сонсоогүйдээ гайхаж,

-Үгүй мөн. Ухаан зарж шүү гэж бахдангуй дуу алдав. Уулиранхай нүүр гар дээр шавах ялаа шумуулыг зэвүүцэн алгадаж түүний араас шогшиж яваад,

-Энэ шумуулыг яанаа Сэлэнгээс ялгаагүй юм шив дээ. Ядаж явахад ялаа батгана шаваад. Энэ лав шумнасын үр авгалдай байлгүй хэмээн бухимдан үглэснээ - Тэгээд тэр тамын орны улсууд ямар шүү янзын юмнууд байдаг юм бэ? гэж хашгирахад Бэхтөр бодолхийлэн шогшуулснаа,

-Хэн мэддэг юм бэ? Лав эр нь нохой байдаг юм гэсэн. Юу нь л олигтой байв гэж зэвүүцэн нулимав. Өглөөнөөс хойш дуу шуугүй явсан Дөштөмөр сая ярианд оролцож,

-Нохой эртэн тамын улсууд биш. Тэд харанхуй тамын амыг хөндөлсөн байх цас мөсөн орны иргэд юм. Цас мөсөн орноос хойш морилоход нарны гэрэл огт үздэггүй харанхуй тамын орон дайралдана гэж эцэг минь ярьдагсан. Түүнээс цааш юу байдгийг хэн ч мэдэхгүй. Наад захад нь очоод чагнахад тамд зовсон хүмүүсийн гиншин гийнах нь л сонстдог юм гэнэ билээ хэмээн эсэргүүцэн тайлбарлахад,

-Тэгээд яагаа вэ. Олиггүй л амьтад тэнд байж таарна хэмээн Бэхтөр хойдтой цайран харагдах тэнгэрийн хаяаг болгоомжлон ширвэв.

Тэдний яриаг сонсоод Уулиранхай бодолхийлэн гэлдрүүлж явснаа,

-Бид дэндүү хойгуур явчихлаа. Шивэр ойгоор л туучдаг байсан юм. Хоёр морио алдлаа. Миний хонгор үрээний туурай салбарлаа. Энэ удахгүй улдана. Тэгээд би явгарах байлгүй гэж үглэхэд Бэхтөр дүрсхийн уурлаж

-Чи юунд дэмий үг урсгаж доройтсон сэтгэлийг зовооно вэ? Эр хүн үгэнд нэг үхнэ. Суманд нэг үхнэ. Ядрах үед урагшгүй үг бүү дуугар! Би чингэхийг цаазална гэж их дуугаар хяхнан өгүүлэв.

Уулиранхай дуугаа хураан бөгтийж, мориныхоо цус шүүрсэн шавартай туурайг өрөвдөн ширтэв. Аянчид урагшилсаар хэд хэдэн толгод давсан боловч намаг дуусах шинжгүй хөхрөн үргэлжилсээр байлаа. Тэд үд өнгөрч байхад нэгэн толгой дээр гарч нугас харваж алаад хооллох гэж байтал Жиглэг ухасхийн босож,

- Хөөе тэнд урц байна. Утаа гарч байна гэж дуу алдав. Тэд заасан зүг харав.

Бөөн бөөн ургах тачирхан бургасны завсраар бугын арьсан урцны орой цухуйж үе үе шингэн хөх утаа олгойтох нь үзэгдэв.

-Хамниганууд байна. Энэ хол газрын мухарт эд нартай бас дайралддаг аа гэж дуу алдацгаахад,

-Очиж дулаацъя. Бугын мах идье гэлцэн ухасхийв. Ус шавар үсчүүлэн багахан хөндий туулан давхиж очиход наад захын урцнаас хөлхгөр битүү арьсан цамц өмссөн эмэгтэй, эрэгтэй нь мэдэгдэхгүй гурван хүн гарч ирэв.

-Цаад талын урцнаас хэдэн хүүхэд буурал үстэй эмгэн шагайж харагдана. Бэхтөр мориныхоо амыг татаж,

- Та нар ямар аймгийн хэний харьяа иргэд вэ? гэв. Нөгөөдүүл ойлгосон шинжгүй өөрийнхөө хэлээр хариу шулганалдана.

Бэхтөр урцны ойролцоо чарганд хөллөсөн хэдэн цаа бугыг зааж ам уруугаа идэх маягтай дохиход хамниган эр урцанд ор гэж дохих бололтой шулганав. Бэхтөр Уулиранхайд хандаж,

-Чи морь ачаагаа харж үлд. Бид ороод ирье гээд морио тушиж урц өөд болгоомжтой алхав.

Хоймроор хаялсан үнэг чонон хөнжил, цог нь улалзах голомтноос өөр зүйлгүй ядуухан урцыг тойруулан харж санаа амрах мэт сэлэмнийхээ бариулыг тавьж галд ойртон цомцойн сууцгаалаа.

Гэрийн эзэн мах гаргаж нимгэн хөшиглөн галд шарав. Шарсан махны хиншүү хярвас үнэртэж ходоодны шүүсийг урсгаж байв. Тэд бугын шүүрхий мах цадтал идэж Уулиранхайг дуудаж хооллов. Үүдээр шавсан балчир хүүхдүүдэд махны хишиг хүртээв.

- Цаад цүдгэр баатраа хараач! Догь эрээ хэмээн хөхрөлдөцгөөв. Тэдний хоол идэж хөөрөлдөцгөөхийг ажиглаж суусан хамниган эр эмс баярлан шуугилдацгааж тэр бяцхан хүүд үг хэлж хөхүүлэн дэмжинэ, Дөрвөн эр биеийн чилээг гаргаж тавираад бугын маханд тэнхээ орж цааш хөдлөв. Нэлээд хэдэн гүвээ давсны дараа цувааны урд хошуучлан явсан Бэхтөр морио хөтлөн буцаж ирэв.

- Саяын бидний мах иддэг хамнигануудад чарганд хөллөөтэйгөөс өөр цаа буга харагдсангүй. Өдий зэрэг явахад тэдний сүрэг дайралдахгүй нь гайхалтайяа гэв. Бусад нь сая анзаарч эргэн тойрноо ажиглавал галуу нугаснаас өөр амьтай амьтан харагдахгүй байна,

Дөштөмөр тэнгэрийн хаяаг түгшүүрлэнгүй ажиж,

- Нээрээ их л сэжигтэй хамниганууд байсан шүү, Ямар учиртай тийм элбэг бугын мах бэлэн байсан юм бол. Бидний ирнэ гэж мэдсэн юм шиг гэж бусдынхаа сэтгэлийг хөдөлгөсөн үг нэмэв.

- Урцанд өлгөөтэй нум монгол хийцийнх шиг санагдсан. Би тэрхэн үедээ анзаарсан ч үгүй. Энэ хол газрын мухарт монгол нум яаж ирсэн байж таарах вэ? Нэг л жиг ургалаа.

- Биш биз. Нум сайн хийдэг улс алийг тэр гэх вэ. Монгол нумтай байсан ч яалаа гэж Уулиранхай зөрөхөд Жиглэг бас түүнийг дагах санаатай,

-Дээр үед харанхуй там уруу явж байсан дайчин эрчүүлийн орхисон үлдэц байж болох биш үү гэхэд Бэтгөр толгой сэгсэрч,

-Буцъя буцъя. Тэд нарыг хүйс тэмтэрье. Гал өрдөөд суусан орсгой хамниган бидний яриаг ойлгох шиг санагдсан. Тэд нарыг амьд үлдээх аюултай. Хэрэв тэд Шихихутаг ноёны улсуудтай холбоотой бол биднийг хөх тэнгэр ч хаацайлж дийлэхгүй. Начигай ноён тэр тухай анхааруулсныг эс умартах биш. Шихихутаг ноёны гар хөл хүрэхгүй газар, очоогүй нутаг хөрст алтан дэлхий дээр эрээд олдохгүй биз ээ. Алив, хурдал гэж шамдуулан намагтай хөвдөн дундуур тэднийг дагуулан эргээд хатируулав. Тэд хэчнээн явавч хамнигануудыг эрээд олсонгүй. Бэхтөр морио ташуурдан.

-Үгүй ер өө энүүхэн хавьд шиг л санагдах юм. Мөрөө дагаж эргэдэг байж. Бузар муусайн хамниганыг тэр дор нь цааш нь харуулдаг байж хэмээн сандрангуй үглэж явав.

Тэд ойр хавийн толгодыг самардан эрэвч торойх урц, уугих утаа үл үзэгдэнэ. Нааш цааш хэрэн самнаж морьдоо эцээгээд харанхуй болгож цөхрөнгөө бараад хоноглохоор бууцгаалаа.

Үүр цайхаар тэд унд усаа яаравчлая ууж эрлээ үргэлжлүүлэв. Гэвч тэдний хамаг ов мэх талаар өнгөрөв.

Дөштөмөр морин дээрээ ядарсан шинжтэй бөгцийн сууж,

-Муусайн мангасууд газрын гаваар ороод алга болж Мэдсэн бол тэр муусайнчуудын орсгой шүдий нь булгалах хуна гэж муухай царайлан үглэхэд Жиглэг харамсангуй гуяа алгадаж,

-Олсонгүй. Адтай чөтгөрүүд байж шүү гэж дэмжив. Бэхтөр цөхөрсөн янзтай хөтөлгөө мориныхоо амгайг засаж,

-За за олохгүй нь, явцгаая. Нарны эртэд газар дөхье гээд баруун зүг оросын ойг чиглэн хөдлөв.

Нууц захидал хүргэх дөрвөн залуу эрс өдөржин давхисаар аварга их мөрний эрэгт ирэв.

Тэд голын хөндий өгсөн гарах гарам эрж нэлээд давхиад морь орохоор тохиромжтой газар ирж ачаагаа уудалж хөвүүр тулам гаргаж гол гатлахаар бэлтгэв.

Уулиранхай манан татсан нөгөө талын эргийг ширтэж,

-Лут гол юм даа?! Ангар мөрөн дэргэд нь юу ч биш. Бид цаад эрэгт нь гарч дөнгөх болов уу гэж зүрхшээсэн байдалтай хошуу амаа билүүдэхэд Жиглэг шоолон хөхөрч,

-Замдаа осгоод үхчихгүй бол цаад эрэгт нь яаж ийгээд хүрэлгүй дээ. Уулиранхайг гэсгээх гэж хэцүү юм болно доо гэхэд бусад нь мар мар инээцгээж,

-Гэсгээж яах юм бэ. Тэр чигээр нь аваад явна. Чалчих үглэх нь татрах байлгүй гэцгээж суутал,

-Хүүе хараач! Морьтнууд гэж нэг нь сөөнгөтөн дуу алдав.

Тэднийг өндийж харахад уулын модтой хормойгоос аравт цэрэг гол гатлахаар бэлдэж суусан хөвгүудийг чиглэн давхиж айсуй. Дөрвөн эр босон харайж,

- Ээ чааваас. Муусайн хамниганууд ингэх гээд байсан юм. Шихихутаг ноёны тавьсан занганд орлоо. Гол өгсье гэж дутуу үлээсэн тулмаа сундалж шигүү ургасан бургас чиглэн давхицгаав.

-Тэднийг хөөсөн улсууд гэзрын нугачаанд орж хэсэг зуур харагдахгүй болов. Тэрхэн мөчийг ашиглан намагтай бургасанд шурган орж, хөөцөлдөгчдийн ар хударгаар суух санаатай жижигхэн хошуу тойрч эргэтэл тэднийг амдан бас нэг аравт цэрэг ойртон давхиж яваа узэгдэв. Бэхтөр амьсгаадан, нүдээ бөлтийлгөн бархирч

-Монгол цэргүүд байна. Шихихутаг ноёны харуул магад мөн дөө. Тал талаас хоморголон бүсэлжээ. Өөдөөс ирж яваа аравттай хатгалдвал давах болов уу? гэхэд Дөштөмөр шийдсэн янзтай хөмхийгеө зууж,

- Яадаг юм. Нэг л үхэхээс хойш хатгалдъя гэж зоримог хэлэв. Бэхтөр эмээл дээрээ өндөлзөн эргэн, тойрноо хянамгай ажиж

- Жаахан азна. Дөхөг. Тэд биднийг анзаараагүй явна. Гэнэдүүлж байгаад ядахдаа хагасыг нь харваж унагая гэж дуугаа намсган тушаав. Аравт цэргийн морьдын төвөргөөн ойртож хуяг дуулга, отго хиур нь тодхон харагдана. Нар салхинд гандсан хөрслөг бор царай, хүйтэн агаарт даарсан гар хуруу нь улайран ялгагдаж, үг яриа нь салхины аясаар хагас дутуу сонстож байв. Нэг нь,

-Хаашаа орчихов оо? Үүгээр л гарч ирэх ёстой доо гэхэд монгол хүнд дасал болсон аравтын даргын тас няс хийх тушаангуй дуу сонстож дотор зарсхийлгэв.

-Дуугаа тат Урагшаа цогиулаад! гэх дуугаар аравт зэрэг жадаа гозолзуулан тэдний хажуугаар цувран зэрэгцэх үед,

-Би аравтын даргыг.

-Би хонгор морьтыг

- Би тарган эрийг гэж шивгэнэх дуулдаад дөрвөн сум шүнгэнэн дүүлэв. Шархдаж цочсон хүн, морь цойлон цовхчиж муухай чарлахад тэд дахин нэг нэг сум тавиад ундуй унаж хөглөрсөн цэргүүдийн хажуугаар салхи мэт исгэрэн хурдлав. Тэднийг нэлээд холдсон хойно сандарч тэвдсэн цэргүүд сая ухаан орж хойноос нь нэхэж харагдав.

Аравтаас үлдсэн таван цэргийн нэгнийх нь морь шарх авсан бололтой бүдчин давхиснаа годройтон унахад тэр цэргүүд аажмаар хоцорч үлдэв. Тэд нзлээд давхиж хоцорч байгаа нэгийгээ хүлээзнэж явдлаа саан

- Уулиранхай чи яагаад хоцорно вэ. Явасхий гэж шавдуулав.

- Миний морь доголлоо. Улдсан бололтой. Миний борлог туурайтай явна уу? Үгүй юу? гэж шоглон егөөдөхөд Бэхтөр нэлээд тайвширч,

- Алив энэ хээрийг сэлгэж уна гэж цулбуур тайлах санаатай бөхийв. Энэ үед тэднээс холгүй байх гацуурын төглөөс бас нэг аравт цэрэг уулгалан дайрав.

Тэд эргэж ууланд гарахаар ой чиглэн давхицгаалаа. Уулиранхайн доголон борлог газар авахаа больж хоцроход хөөцөлдөгч цэргүүдийн түрүүчээс нэг нь гүйцэж морийг нь харваж унагав. Уулиранхай эрчиндээ газар харуулдан уналаа. Хэдэнтээ тонгорцоглосноо босон харайж хазганан гүйв. Жиглэг түүнийг хараад дуу алдан сундлахаар эргэв. Энэхэн үед Бэхтөр нумаа сугалж онилоод Уулиранхайг явуут дунд нь нам харваж унагаад мод уруу дайжин оров. Жиглэгийн нүдэнд хорсол буцалж,

-Ай муу өмхий цөөвөр миний нөхрийг чи юунд түйвээв гэж орилон түүний хойноос ойд шурган модны мөчирт гуядуулан давхисаар нэгэн гуунд нэхэн очиход Бэхтөр мориныхоо амыг татан чимээ чагнан зогсож байв. Жиглэг түүнийг гүйцэж сэлмээ сугалан цавчихаар далайхад Бэхтөр хазайж бултаад өөдөөс нь урьтан өшиглөж эмээлээс нь унагав

Түүнийг босож амжаагүй байтал Бэхтөр үсрэн бууж хутга сугалан хоолойд нь тулгаж,

- Чи муу гөлөг юу гэж орилно вэ.. Чи сайн нөхрөө Шихихутаг ноёны гарт амьдаар нь өгч тамлуулах гэж бодов уу? Чиний тэр Уулиранхай сүвэндээ хэчнээн тугалга цутгуулах нь надад хамаагүй, чамд хамаагүй байж. Цаана нь сурвалжит их хатан авхайг чи яах гэж бодож байна? За чи босоод намайг тонилго. Чи хатны найдварыг ганцаар биелүүлэх юм уу? гээд босож газар хэвтэх сэлмийг авч Жиглэгт барив. Жиглэг бухимдаж гашуудсандаа сэлмээ авч сугсарын бутыг яйчин цавчилж хэнгэнэтэл уйллаа. Бэхтөр түүнийг ажиглан жаахан зогссоноо мориныхоо олмыг чангалж уурсан хялалзаж чимээ чагнана.

Удалгүй модноос Дөштөмөр хөтөлгөө морьдоо дагуулан давхиж ирэв.

- Би бүр баригдах дөхлөө. Замыг маань нэг хар юм бөглөчихөөд... Сайн морины хүчинд амь гарлаа гэж догдлон өгүүлнэ.

Тэд мордож уулын хяр дамжин шөнө дүл болтол дайжин зугтаж, харанхуйгаар Эрчис мөрнийг гаталж сая нэг санаа амран гал түлж норсон хувцсаа хатааж, агссан биеийн чилээг гаргав.


Top
   
PostPosted: Oct.01.15 9:22 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 887
eyeinthesky wrote:
Өө тийм үү? За яахав яахав. Хэд гурван хүн уншиж байгаа юм байна. Оруулсандаа оруулаад дуусгачихъя аа.

:wd:


Top
   
PostPosted: Oct.05.15 2:19 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван нэгдүгээр бүлэг

Хөх тэнгэрт бүргэд элин хальж, тэртээ хойно Аррат уулын цаст сарьдаг, үүлнээс ялгарахтай үгүйтэй цайрч харагдана.

Цэргүүдийн дуулга наранд шарагдаж халах шинжтэй. Хөс дага уулын улаан хадан цохион дээр хар утаа суунагласаар өдрийн хагас болжээ. Гол даган ургасан яшил, хайлаас модтой ногоон төглийн цаана Илжигтэй ноён Түргийн Хөсрөв султантай тулалдаж байгаа билээ.

Тахирлан эрчилж ургасан хөгшин хайлаасны сүүдэрт Ачигхори баатрын аяны цацар салхинд сэвэлзэн сэрүү татах нь атаархал төрүүлэм. Голын бургасанд нуугдсан толгойн сэргийлэхийн холбооч цэрэг байн байн давхин ирж түмтийн ноёнд мэдээ авчирна.

Сабраг хүзүүгээ даган урсах хөлсөө сэвж, хуяг саад болоогүйсэн бол дээлээ сугалдаргалахсан гэж мөрөөдөн мориныхоо сүүдэрт сууна. Түүний аравт өглөөнөөс хойш энд суусандаа чилээд тогтож ядан өндөлзөн хоорондоо дэмий ярьцгааж марзаганан инээлдэнэ. Морьд ялаархан тургиж, амгайгаа химлэнэ.

Бундаг[оньсоор шиддэг дарьтай ваар] дуугарах болгонд Минсэл соргогоор өндөсхийж,

- Дахиад нэг буулгалаа. Бундаг дарь ч зүйрлэшгүй эд ээ. Би Күрдистанд цөм буудуулчихсан морь үзсэн. Ерөөсөө л нэг тогоон чинээ нүх өм аваад явчихдаг юм билээ. Та нар олз хөөгөөд алга болчихсон байсан. Тэрнийг хардаггүй тоогүй еэ? гэхэд,

- Минсэл залж байна. Бундаг дарь, бундаг дарь гэх юм Их дуутайгаас цаашгүй эд билээ. Хэдэн цэрэг том хар ваар, оньс төмөр чирчихээд нууц зэвсэг гэж их бардамнадаг юм аа. Битлисийг авах тулалдаанд бараг бүхэл зуутаар хамгаалуулж, өдрийн хагас шидсэн бундагаас ганц хоёр нь дэлбэрсэн. Юу ч онодоггүй олиггүй новш билээ гэж Тайшир ярвайв. Дайжушилэгт гэнэт уурлаж Минсэлийг ам ангайхаас өрсөж,

- Тайшир чи амаа мэдэж чалч. Тэнгэрээс заяасан монгол зэвсгийг чи ихэмсэглэн новш ноохойд нь хүрэх болоогуй байна. Ядахдаа зуутын дарга гэгдэж тэгж ихэмсэглэ! гэхэд цэргүүдийн дуу тур зуур намдаж хувь хувьдаа бодолхийлэн сууцгаав. Минсэл сэлэмнийхээ үзүүрээр Тайширын хуягийг хатган хортойгоор сэм инээд алдан даажигнав.

Өлсөж цангасан күрд малчид суллаж тавихыг тэсэж ядан хүлээж мал хуй, гэр орондоо санаа зовсон авгайчууд үе үе яльгүй үймээн дэгдээвч тэр дороо намжина.

Энэ үед Ачигхори ноёны цацраас хиа нар тал тал тийш давхилдан мянгатын ноёдыг зорив. Бүрээ бишгүур наадаж. цэргүүд мордож, Могой гишгэдгийн хавцлыг боож жагсав.

Хөсрөвийн цэргүүд, Илжигдэй ноёны цэрэгтэй өдрийн хагас зууралдан тулалдав. Хүч суларч цэрэг ядарсан учир хориглон байлдаж амсхийхээр голын наад эрэгт бэлтгэл хүчээ гаргаж бяцхан ухрахаар шийджээ. Хөсрөвийн цэрэг ялагдах яагаа ч үгүй байв.

Түрэг цэргүүдийн бэлтгэл ангиуд өдөр өнжин бургасны сүүдэрт хийх юмгүй хэвтэж залхсан янзтай толгойгоо усаар шавшиж хоорондоо шоглолцон наадаж ус цацалдан хөхрөлдөцгөөнө.

Бургасанд нуугдсан Ачигхори ноёны сэргийлэхийн ангиудтай тулж тэднийг хөөж дутаалган хаанаас энд монгол цэргүүд гараад ирснийг гайхалцсанаа онц санаа зовсонгүй төдхөн мартав. Хөсрөв султан өөрийн шадар бараа бологчдыг дагуулан гол гарч элстэй довцогт хээрийн цацраа босгож, тулалдааныг шинэ хүчээр эхлэхээр бэлдэв.

Голын шугуйгаас ухарч буй ядарч хөлөрсөн цэргүүдийн эхний хэсэг Ачигхори баатрын сэргийлэлийн ангийг хөөж бургастай судгаас цувралдан гарч ирэв. Тэгтэл туг яндраа хийсгэн хавцал боож жагссан дайсны цэргүүдийг үзэж цочирдон зогтусжээ.

Хөсрөв султан ухрах замгүй гацаанд орсныгоо сая ойлгож бухимдан сандрав. Бэлтгэл ангиа яаравчлан жагсааж Илжигдэй ноёны цэрэгт ар нуруунаасаа шахуулахаас урьтан хавцлаар гарах замыг сэтлэхээр уулгалан дайрав.

- Бисми аллах аль рахим! хэмээн өндөр дуугаар орилолдож морины амнаас хөөс сахруулан урагш давхин ирэв. Ачигхори ноёны харваач баатрууд түрэг цэргүүдийг бороо мэт асгарах сумаар харван угтав. Түрэг цэргүүдийн давших хүч саарах сацууд Ширэмэн ноёны хүнд морин цэргүуд жадаа сэрийлгэн хатируулж ярзаганалдан нөмрөх олон цэргийн өөдөөс нүүрлэн дайрч оров.

Зүүн жигүүрээс Шижирбаатарын уулгын цэрэг Хөсрөв султаны цэргийг хумихаар тодрон хөдлөв. Түүнийг угтан өглөөнөөс хойш тулалдаж улайрсан түрэг цэргүүд голын бургаснаас гараад шууд амдан давхиж яваа харагдана.

Хүнд морин цэргүүд түрэгүүдийн шахалтанд тэсэлгүй ухарч эхлэхэд харваач баатар уулгын хөнгөн морин цэргээр дэмжүүлэхээр илгээв. Түрэг монгол цэргүүд хатгалдан цавчилдаж, бамбай сэлэм хавиралдаж, адуу янцгаах, хэн хүний хараал ерөөл тавих нь замаа алдав.

Аль тал нь давамгайлж байгаа нь мэдэгдэхгүй ихээхэн зууралдах шинжтэй. Монгол цэргүүдийн «Хүүе. хүүе! Урагшаа!» гэх дайчин уриа дуурсах боловч дайсныг дутаалгах хүч хүрэхгүй байлаа.

Дайжушилэгт аравтаа дагуулан багтаж ядан чихцэлдэх олон цэргийн дүйвээнд урагш зүтгэх боловч дайсны цэргүүдийн барааг үзээгүй удав. Тэднийг урагшлах тутам тулалдаж цавчилдаж байгаа дуу улам ойртож байв. Цэргүүд нумаа авч түрэгүүдийн зүг таамгаар харваж зуутынхаа тугийг даган дайсантай нүүрээрээ учрахаар хаанаас ч хамаагүй исгэрэн ирэх сум байгаагүйсэн бол баяр наадам дээр чихцэлдэн явах мэт санагдуулах булгээ.

Сабраг дөрөөн дээрээ өндийж найган ганхах туг, наранд гялсхийх илд сэлэм оволзож байгаа тулаанд гол уруу сэтгэл түгшин харж,

-Ширэмэн ноёны цэргүүд түрэгүүдийн дундуур хатгаад орчихож. Тэр мөнгөн шонхортой туг түрэгүүдийн дунд явааг харав уу? гэж хашгирахад Дайжушилэгт тэр зүг өндөсхийж,

- Тийм байна. Бүслүүлчих вий дээ. Урагшаа цэргүүд ээ! Шахаад өг гэж зүтгүүлэв. Гэвч түүний бодлоос зөрөх мэт Хаданчигай ноёны мянгатын алтан арслантай туг баруун жигүүрт шилжив.

Жутаа Дайжушилэгтийг дэмжиж,

- Яаж байна аа? Яаж байна аа? гэж гайхашран хашгирав.

Тэднийг дооглох мэт зуутын хөх голтой туг бас алтан арслантай тугийг даган баруун жигүүр тийш тэмүүлэв. Хоёр мянгатын тавьсан зайгаар түрэг цэргүүд усны үер шиг хуйлран орж ирлээ.

Тэгэхэд Дайжушилэгт Хаданчигай ноёны санааг сая ойлгож,

- Сэлмээ сугалаад гэж хашгирлаа. Хөсрөв султаны цэргүүд хоёр мянгатын хоорондүур могой мэт гулсан сунаж хоёр талаас шахан дайрах хуягт хөвгүүдэд ар өврөөсөө цохиулан илэрхий цөөрч эхлэв.

Хаданчигай баатар Хөсрөв султаны цэргүүдээр тоглоом хийх мэт үе үе зайлж зам тавина. Түрэг цэргүүд Ширэмэн ноёны мянгатыг бүслэхээр тэмүүлэвч цагийг ньолж хаасан урхинд гол хүчнээсээ тасран үлдэнэ. Сөнөх тавилантай болсон агсам цэргүүд учраа олохоо больж муухай хашхиран эсэргүүцэн тэмцэвч замбараагүй довтлох хэдэн цэрэг юунаа тотгор учруулах аж.

Аргай Сабраг хоёр мөр зэрэгцэн давшиж аравтынхаа баруун жигүүрийг хамгаална. Абагахирилтуг том матигар сэлмээ салхи шүнгэнүүлэн эргүүлж Дайжушилэгтийг дэмжин урагшилна. Абагахирилтугийн ханхар цээжний ард нуугдсан Жутаа, Тогосболор нар нум сумаа онилж эгзэгтэй үед аравтын цэргийн хэн нэгний амийг хаацайлж явлаа.

Шархдаж айсан морьд цойлж, малын хөлд гишгүүлээд үхлийн емнө гиншин яраглах дуу, айван дайвсаар суманд цоорч сэлмэнд зүсэгдсэн салбархай туг гудайн унах нь нулимс бүрхэн нүдний буланд эрээлжлэн үзэгдэнэ гагцхүү мориноосоо унахгүй юм сан гэх хүсэл хуягт баатруудын сэтгэлийг ззэмдэнэ.

Үе үе нүргэлэх дарьт бундгийн дуу ойртсоор байгаа нь Илжигдэй ноёны цэрэг удахгүй түрэгүүдийг ар гэзэгнээс нь дайран цавчлахын тэмдэг болно. Илжигдэй ноёны цэргүүд гол гарч Хөсрөв султаны цацрыг цэргүүдээс ньтаслан бүсэлж авлаа.

Түрэгүүд монгол цэрэгт тал талаасаа бүслэгдэн аажмаар Хөс дага уулын хадан хясаа уруу бяслаг мэт шахагдаж эсэргүүцэл нь сулрав.

Голын элс чулуунд дугуй нь шигдэж мөөр нь хяхнах харвах оньсыг Илжигдэй ноёны хиа нар үе үе шамдан яаруулж, бүтэлгүй боол цэргүүдийн боольхойг харааж зүхнэ. Олзлогдсон цэрэг күрд малчдыг хөөн авчирч шаварт шигдсэн оньсыг арай гэж голоос гаргаж, тос муутай голоо чийхруулан тулалдааны зүг ойртов.

Оньсоор нүүлгэсэн том том үхэр чулуу, бундаг дарь түрэг цэргүүдийн дунд унаж шилдэг сайн эрчүүдийг газартай хавтгайлж, чих дүлийрэм нүргэлж эхлэхэд айж сандрахын үйл эдлэгсэд туг яндраа хаяж, сүүхээтэй нь морио хөтөлж сүүхээгүй нь толгой даран Хөс дага уулын хадтай бэлээр таран уул өөд мацацгаалаа.

Ялалтанд хөөрч сэргэсэн монгол цэргүүд уухай хашгиран түрэг цэргүүдийн дунд холилдон орж баруун зүүнгүй цавчилдав.

Жүржиг баатар зуутаа авч,

— Уул давсан цэргүүдийг нэхье! Хүүе хүүе монголчууд урагшаа! хэмээн жалга өгсөн давхижээ. Жалгаар нэг тарж ухаан тавьсан цэргүүдтэй харвалцан уул өөд өгсөхөд уулын оройд гарсан түрэгүүд том том чулуу нурааж өнхрүүлэх нь хүний өөрсдийн цэргийг нам дарж унагана.

Дайжушилэгт аравтаа дагуулан морьдоо хөтөлж хяр дээр амьсгаадан гарч ирэв. Хадны араас нүцгэн толгой, чалматай дуулга өндөлзөж монгол цэргүүдээс үтэр зайлан нуугдаж, нум сумаар эргэн эргэн харваж чулуу дамжин гүйлдэж амиа тээхийг яарна.

Сабраг зуутаа даган уулын хяр дамжин түрэг цэргүүдийг нэхэв. Нигүүрсний төгөлд хоёр хүн морь булаацалдан тэднийг анхаарах ч сөгөөгүй хэрэлдэж байв. Жутаа сэлэмнийхээ хавтгайгаар морио гуядаж,

- Шилэгт ээ Тэр модон дотор хоёр хүн байна гэв. Аравт тэр зүг хатируулан ойртов. Тэднийг очиход торгон нөмрөгтэй түрэг ноён хэгзэрсэн хөмсөгнөөсөө цус асгаруулан зогсох залуу цэргийн морийг нь булааж авахаар цулбуурдан ташуурдах боловч нөгөөх нь бууж өгөхгүй цулбуураа алдуулах санаатай зүтгэн морио давирч байв.

Абагахирилтуг сэлмээ сугалж,

- Энэ ноёноо хүндэтгэдэггүй ямар аминдаа хайртай цэрэг вэ? гээд тэр эрийг эргэж харахын зав өгөлгүй давхиут дундаа толгойг нь тас цавчин газар унагав. Эл аймшигтай үзэгдлийг харсан түрэг ноён амаа ангайн гайхаж, хөл нь салгалан газар сөхрөн уналаа. Сабраг түүнийг тойрон,

-Ноёноо алд даа. Цэргээсээ долоон дор юм. Сэлэм ч үгүй. Минсэл чи түүний хээр морийг авч хөтөл гээд зуутын хойноос шогшуулав. Минсэл түрэг ноёны гараас морины цулбуурыг угз татан авч,

-Үүнийг яах вэ? Тонилгох уу? гэж нөхдөөсөэ асуухад Сабраг зөөлөн сэтгэлтэйгээрээ хориглож,

- Орхи цаашаа, Явцгаая гэв. Жутаа хажуугаас нэмэрлэж,

-Пөх өмхий үнэртэж байх чинь, өмд хамдаа цэвэрлэнэ биз гээд морио давиран цонхийсон царайтай түрэг ноёныг орхиж Дайжушилэгтийн хойноос зүглэв. Тогосболор Жутаагийн хажуугаар зэрэгцэн аравгынхаа араас хөдөлснөө гэнэт бүүрэгнээсээ цалмаа авч сөхрөн суух түрэг ноёныг бугуйлдан хад чүлуун дундуур тоос бужигнуулан чирч давхив. Сабраг гэмгүй сөхөрч суусан арчаагүй амьтнаар тийнхүү доог хийхийг үзээд гэнэт уурлаж морио давиран Тогосболорыг гүйцэн цалмыг нь тас цавчив. Тоос шороон дунд хөлөө эвгүй нугалан хэвтэх түрэг ноён сулхан ёолж торойн үлдэв. Тогосболор бугуйлаа таслуулсандаа шаралхаж

-Чи энэ муу өмхий түрэгийг юунд хайрлана вэ? Хайран бугуйл. Халаг халаг гэж шогшрон хашгирахад,

-Заяагаа мэдүүлээд арчаагүй байхад чамайг бас ингэж шогловол яах вэ? Ядарсныг түүх цөөвөр биш дээ гэж жигшин хариулав. Дайжушилэгт аравтаа түр тар хийхэд унтууцаж,

- Та хоёр чинь үүргийн худалдаачид шиг юу гэж бархиралдаад байна вэ? Дуугаа аяд. Аравт амь нэг гэдгийг санагтун! Хатгалдах дайсныг хөнөө, харьсан дайсныг хамжуул гэсэн засаг бий. Болор өнгөрсөн хойно бөх зүрх гаргасан буруутай. Ийм явдлыг хойшид цээрлэ гэж тэр хоёрыг эвлэрүүлээд зугтсан түрэг цэргүүдийн хойноос шөнө дүл болтол нэхэв. Замдаа хэд хэдэн удаа хэсэг бусаг цэргүүдтэй тааралдаж тулалдаж зуутаасаа төөрөн явсаар Тааврын нуруунд армен цэргүүдтэй дайралдаж Килигийн нутагт ирснийгээ мэдэв.


Top
   
PostPosted: Oct.05.15 2:26 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван хоёрдугаар бүлэг

Жиглэг хөвгүүн Дөштөмөр, Бэхтөр хоёрыг бараадасхийн дагаж, амарч унтахын үед харгис муу Бэхтөрөөс дөлсхийн буруулж ороо зайдуухан засаж, үг асуувал ярвайн мушийж арай ядан хариулаад дуу шуу цөөтэй дүнсийж хэзээ нэг Сарай хот хүрч энэ ёрын муу Бэхтөрөөс хоёр яс хагацахсан бол хэмээн тэсэж ядан хүлээнэ.

Сорхугтаны бэг хатны захиа хүргэж яваа элч гурав Шихихутаг ноёны тавьсан занга бүгүүлийг тойрон гарч амь дүйн зугтсаар Жайг гол хүрэв. Унаа унаш эцэж явгарах ёр дайрав. Хоол хүнс шавхрах тийшээ ханджээ. Жиглэг хөвгүүн тэртээ наран мандах зүгт үлдэж хоцорсон хайрт эх, хонгор бүсгүйгээ бодон санагалзана. Харь нутаг, шивэр ой туулж, намаг балчигт живж, ялаа шумуулд идүүлэх юутай гаслантай. Сайн нөхрөө аймшигт хэрцгий Бэхтөрийн гарт алдлаа. Орох ч оронгүй амь дүйн зугтан явна. Тэр бүү хэл хүний бараа харахаас бусган буруулах болсон маань зэрлэг араатнаас юуны ялгаатай аж. Жиглэгийн гуньж эх нутаг, гэр орон, адуун сүрэг, амар жаргалан үзэхийн найдлагагүйд хүрдэг амьдралын хар бараан сүүдэр дайрдгийг сая ухаарчээ. Тэгээд ч түүнээсээ хирдхийн цочиж жиргэх болжмор, цэцгийн бал айван тайван цуглуулан хэсэх зөгийнд атаархах атаархал өөрийн эрхгүй төрж ямархан тэнгэрийн хилэнгээр дээдсийн хэрэгт орооцолдон газрын мухарт тэнэж мунгинаж явнам бэ?гэж сэтгэлээ дэнсэлгэнэ.

Тэд Жайг голын цагаан шаварт эрэг дагав. Морин хараацайн үүр цөлмөн өл залгана. Өдөр унтаж, шөнө дүлээр замнаж тархай ургасан хусан төгөл дамжин болгоомжгой урагшилсаар байв.

Бэхтөрийн халзан буурал улдаж хөдлөхийг байхад түүнийг унагаж идэш хийв. Бэхтөр Дөштөмөрийн морийг авч Жиглэгтэй сундлуулж өөрөө хамаг ачаа богцоо авч түрүүлэн гэлдрэв. Тэр хоёрыг хоцорлоо гэж Бэхтөр уурлана. Санаатайгаар тасарч үлдлээ хэмээн хардаж сэрдэх нь туйлдаа хүрэв.

Тэд шөнөжин одоор баримжаалан баруун зүгт гэлдрүүлэв. Үүр цайхын багт цай шөл базаахаар өтгөн их шилмүүст ойн цоорхойд мориноосоо бууцгаав.

Дөштөмөр Бэхтөр хоёр гишүү мод түүж гал өрдөв. Жиглэг тогоогоо барин ус эрэхээр тагнай өвсний шүүдэр унаган гутлаа норохыг юман чинээ эс бодон өндөр өвсөн дундуур туучин далд оров. Жиглэг хол явсангүй. Бургасан дундуур жирэлзэн урсах тунгалаг уст горхи тааралдав. Жиглэг эцсэн хөлөө арай ядан зөөж өтгөн өвстэй голын эрэг дээр ирэв. Ус утгахаар тонгойтол гэнэт ар нуруун дундуураа хүчтэй дэлдүүлж голд тонгорцоглон унав. Хүйтэн усанд амьсгаа бөглөрч, хахаж цацан тийчигнэвэл хэдэн хүн түүнийг татаж гаргав. Юун улсууд харанхуй ойд явдаг билээ. Шихихутаг ноёны тагнуулд олзлоглов уу гэж бодтол түүний сэлмийг мулталж хутгыг нь авсан байлаа. Гарыг нь зөрүүлэн ард нь хүлж байгаа улсыг анхааран ажиглавал өнгөт нүдтэнгүүд байлаа. Тэдгээр сэгсгэр шар үст, улаан царайт хүмүүс монгол биш огт сонсоогүй харь хэлээр ярилцахыг сая ухаарав. Шар үстэнгүүд баахан шулганалдсанаа Жиглэгийн мөрнөөс нь түлхэж модон дундуур гарсан бүдэг зөргөөр туун авч явав.

Жиглэг харь хүмүүст баригдаад ядарч өлссөнийгөө таг мартжээ. Хөлс нь дааварлан жадны үзүүрт хатгуулан шогшиж явахдаа Дөштөмөр, Бэхтөр хоёр түүнийг хүлээж ядаад орхиод явчихсан болов уу хэмээн сэтгэл зовон бодож эргэн тойрноо ажиж «яаж мэдэх вэ» гэнэт бургас шугуй дундаас уухайлан ирж энэ хэдэн сахал самбайндаа баригдсан ойн иргэдийг дутаалган түүнийг чөлөөлөх болов уу гэж горьдон алхав.

Модноос гарахад голын эрэгт ярайтал шон зоож бэхэлсэн хэрмэл, урт хормойтой ууж өмссөн шар үст авгай хүүхэн үнээгээ нуга уруу тууж бэлчээж байгаа нь манан дундаас тодхон харагдана. Хүүхэд хөгшидгүй улаан гутал өмссөн юм гэж харсаар ойртвол шүүдэр усанд норж улайсан тавхай гялалзаж байгааг сая ойлгов.

Тэд Жиглэгийг тойрон бүчиж гайхаж сонирхсон нүдээр ширтэж өөр хоорондоо нэгийг ярилцан дагаж хошуурав. Түүнийг туусаар газар шалтай зооринд оруулж түгжив. Харанхуй мухарт нэг хүн өндөлзөж,

- Хүүш энэ чинь Жиглэг байна. Бас баригдчихаж гэж харамсангуй дуу алдах сонстов.

Нүд дасахад харанхуй дунд Дөштөмөрийн царай халтартан үзэгдэв. Жиглэг ганцаараа баригдаж хоцроогүйдээ баахан сэтгэл сэргэж,

- Дөштөмөр чи бас баригдаа юу? Би энэ намаг балчиг дунд ганцаараа үлдлээ гэж айлаа шуү. Ёо ёо толгой дүйрч байна. Мундаг дэлсэж дээ гэж толгойгоо эмзэглэн илсээр Дөштөмөртэй зэрэгцэн суув.

- Бид гурав тамын ёроолд орлоо доо. Ядахдаа энэ нохойн бөөсийг ээ. Тэр үсрэлдэж байгаагий нь дуулж байна уу? гэв. Жиглэг харанхуй булан руу шагайж,

- Бэхтөр бас баригдаа юу? гэж шивгэнэв. Дөштөмөр толгой дохиж,

- Чамайг бургасны цаагуур оров уу үгүй гэнэт бид хоёрыг дайрч намайг дараад авсан Бэхтөр нэлээд үзэлцэж байгаад бялуугаар дэлдүүлж одоо хэр ухаангүй хэвтэнэ гэж хилэгнэн өгүүлэв.

Тэр босож Бэхтөрийн цээжний тус тонгойж чагнаж үзээд,

- Зүрх нь цохиж байна. Тэнгэрт халих болоогүй бололтой. За муусайн сахалт мангасуудыг дээ гэж хараал уншиж тоос бужигнуулан холхив. Жиглэг толгойгоо дааж чадахгүй хана түшин суутал хаалга гэнэт онгойв. Урт дээлтэй булиа эрчүүд ирж тэр хоёрыг авч модон сүмийн дэргэд барьсан нэлээд тохилог өндөр шаттай дүнзэн байшинд тууж аваачжээ.

Бүдэг гэрэлтэй намхан таазтай том өрөөний мухарт хана дагуулж тавьсан вандан сандал дээр хэдэн өвөгцүүл намбатай сууцгаана. Хоёр хархүүгийн элэгдэж салбарсан дээл гутлыг сониуч нүдээр ажиглан нам дуугаар үг хэлэлцэнэ. Өрөөний хүнд агаарт утаа тортог, эссэн буудайны исгэлэн үнэр гоц мэдрэгдэнэ. Франки газрын улаан хилэн дээлтэй булган захтай өвөгжөөр ноён харь хэлээр үг асуув. Үүдэн тушаа бөхөлзөн зогссон булиа улаан сахалт цэнхэр нүдээ цэхэлзүүлэн,

- Коназ[ноён гэсэн үг] Владислав эрхэм хүндэт баатруудын амар энхийг лавлаж оросын тал нутагт зорчин яваа хэрэв зоригийг тань сонирхож байна гэж гэнэт монголоор өгүүлэв. Жиглэг Дөштөмөр хоёр цочиж энэ улаан царайт ийм үг дуугардаг юм аа гэсэн шиг талхны үйрдэс наалдсан сахалтай амы нь гайхан ширтэв. Энэхүү ангайж хөшсөн байдлаас Дөштөмөр анх түрүүн ангижирч.

- Коназ ноёнд амгалан айлтган энх тунхыг ерөөнө үү? Гагцхүү орос иргэн, эмс хүүхдүүдэд гэм хор хийлгүй мөрөөрөө явж явахад их хааны цэрэг биднийг аймшиггүй хоргоон цагдаж, байн байн дэлдэж хэрцгий булай аашилсны учрыг яахин цайруулахсан бол гэв. Вандан сандалд зэрэгцэн сууцгаасан орос өвгөцүүлийн дуу чангаран хоорондоо хэсэг зуур ам өрсөн маргалдав. Чингэснээ тэдний ноён хэлмэрчээр дамжуулан бүдэгдүү дуугаар ийн өгүүлэв.

- Бидний мэт учрыг үл ухах дорой улсууд андуурсан бол өршөөж хэлтрүүлнэ биз. Саяхан Шихихутаг ноёны тусгай элч ирсэн юм. Ой хөвчөөр бүгэх оргодол муу тэнүүлчин, сайн язгуурт ноён, харц барлаг, ард иргэн алин боловч түдгэлзэлгүй баривчлан хүргүүлэх зарлиг буулгасан юм гэв. Дөштөмөр Жиглэг хоёр хэрэг бишдсэнийг ойлгов. Хамаг бие нь бадайран царай цонхийлгож дуугаа хураалаа. Коназ Владислав хоёр залуугийн балмагдан мэгдэхийг сониучирхан ажигласнаа залирхгаар инээмсэглэж,

- Гэвч их хааны дайчин хөвгүүд эмээн зовуурлах явдалгүй биз дээ. Шихихутаг ноёны зарлигийг сонссоны дараа одоогоос хэдхэн хоногийн өмнө ордноос зар ирсэн юм. Тэр ёсоор та гурвыг Сарай хотод нууцаар хүргэж өгнө гэж тайтгаруулав. Бат хааны зарлигаар тэднийг хоргоон нууцалж байгааг ойлгуулав. Баярлаж гайхширсан хөвгүүдийг шавар шавхайтай нарийн гудамжаар дагуулан нугас шувуу үргээн шуугиулж явсаар нүхэн зооринд нь буцаан авчирч хийв. Дөштөмөр харанхуй зооринд дахин орохдоо дургүйцэж,

-Энэ муу нүхэнд чийг бам дүүрэн юм хэмээн ярвайн өгүүлэхэд тэднийг дагуулж ирсэн монгол хэлтэй сахалт орос.

-Ээ! Эрхэм дайчид орой болтол тэсэж үз. Үүгээр гэнэт татаар ноёд ороод ирдэг юм. Тэдний нүдэнд өртөнө гэдэг тийм ч хүсмээр зүйл биш гэж тайлбарлав.

Жиглэг тэр хүнд дөхөж,

-Тэр татаарууд Бат хааны харьяа цэргүүд биз дээ гэж бөглүү ойн иргэнд ойлгомжтой болгохыг хичээн хэлээ зориуд дальтруулан хазгай хэлж чанга орилон асуухад нөгөөдөх нь бавгар сахлынхаа доороос инээмсэглэн хуруугаар чихээ таглаж,

-Зоригт дайчин та битгий чихний хэнгэрэг хагалчих. Би зүгээр ойлгоно. Бат хааны баскак[татвар гувчуур татдаг албан хүмүүс] дунд Шихихутаг ноёны туршуул явдаг юм. Энэ тухай зориуд анхааруулсан тул Коназ Владислав та бүгдэд эчнээн туслан Сарай хот хүргэх гэж буйг ойлгож байгаа биз гэлээ.

Тэднийг нүхэндээ ороход Бэхтөр ухаан орж ёолж байлаа. Түүний дэргэд хоёр орос цэрэг бөгтөгнөнө. Толгойд нь ээлжлэн хүйтэн жин тавьж арчилна. Хүний нүднээс далд орогногсдод гаднаас баавгайн махтай шөл авчирч, талхаар гашилгасан ундаа зөөж, бололцоогоор нь амруулж тэнхэл авахуулав. Шөнө орой болов. Хүн амьтны хөл тасрав. Коназ Владислав хүрэлцэн ирлээ. Бараа бологсод нь Бэхтөрийг дамнуургадан дамжилж хэрмэлээс сэм гарч голын эрэгт залуусыг хүргэж ирэв. Хэрмэлийн гадуур барьсан дүнзэн байшингуудын жижиг цонхноос өдрийн од шиг хааяа нэг дэнгийн бүдэг гэрэл ёлтойхоос өөр юу ч харагдахгүй пад харанхуй нөмөрчээ. Өвгөн Коназын удирдлагаар бяцхан цуваа голын эрэгт зангуугаа хаян зогсох завь онгоцон дээр нарийн банзан шат дамжин гарав. Урьдаас заль ухаан сийлж шуудайтай тариа будааны доогуур гаргасан хавчуу оромжинд элч нарыг нуун байрлуулав. Коназ ноён өөрийн хэл дээр завинд үлдэх орох загасчдад цогтой дуугаар эцсийн захиас даалгавар өгөөд төдөлгүй эрэг дээр гарав. Завьнаас загасны үнэр, чанасан давирхай үнэртэж чийг татна. Завины өвчүү өехийд ус цалгилан палчиганана. Завь дайвалзан хөдөллөө. Сэлүүрийн үзүүрт ус хөөсөрч далбаа босгосон завь зогсоолоос гарч өргөн их гол уруудан Сарай хот орохоор хөвөв.

Тэд зам зуураа голын өндөр эрэг дээр барьсан хэд хэдэн хотоор түр бууж үдлээд зогсолтгүй уруудсаар байлаа. Хэдэн хоног өнгөрөв. Голын эргээр сагсайх ой мод сийрч нэг мэдэхэд талархаг нутгаар солигдов. Хүн амьтан үзэгдэхгүй зэлүүд эргийн дагуу хөвөх үед Жиглэг Дөштөмөр нар шуудайн доороос мөлхөн гарч нар салхинд биеэ эврээж, дээл хувцас, зэр зэвсгээ сэлбэж янзална.

Тэднийг завины тавцан дээр залхуутайяа хэвтэцгээхэд ёрог цагаан даавуу цамцтай орос барлагууд завь онгоцоо жолоодон нааш цааш хөлхөлдөн хоорондоо түргэн түргэн ярилцацгаах завандаа сэм сэм ажиглан өтгөн хөмсөгнийхөө доороос болгоомжилсон харц чулуудна. Орос завьчид Дөштөмөрийн дохиогоор унд хоол авчрах боловч ихэвчлэн хатаасан загас голчилно. Тал нутгийн малын маханд амташсан хөвгүүд эхний өдрүүдэд хатаасан загасыг нь идэж байгаа дүр үзүүлэн хивж байгаад буурч оросыг далд орохоор ус руу нулимж орхидог байв. Сүүлдээ өлсөхийн туйл хүрч гахайн өөх гуйж өл залгах буюу олдохгүй бол голсон юм голд орно гэгчээр давсалсан загас ярвайн зажилж өл залгадаг болжээ.

Жиглэг улаан буудайны архинд мансууран аргагүй эрхэнд загасны махнаас зулгааж суутал мөрнөөс нь хүн татсан нь барлагуудын ахлагч том шар өвгөн байсан ажээ. Ханхар мөртэй тэр өвгөн сандарсан байртай гараа гозолзуулан,

— Баскак Баскак! Иди! Иди гэж орилон оромж уруу нь зангана. Жиглэг өндийж харвал тэдний завийг амдан урт хар завь түргэн дөхөж яваа нь харагдлаа, Завины ирмэгээр ярайтал суусан сэлүүрчид тэнхээ мэдэн сэлүурдэнэ. Жиглэг Дөштөмөрийг нударч,

— Цаана чинь завьтан цэргүүд ирлээ! Нуугдъя хэмээн босон харайв. Тэднийг чихцэлдэн оромжиндоо ороход тавцан дээр орхисон дуулга годилыг нь хойноос нь хаялж шуудайтай гурилаар нүхний амыг таглаж амжив. Таг харанхуй дунд амьсгаа даран суухад гадна болох үйл явдал тов тодхон сонстоно. Удалгүй нөгөө хурдлан гулсах хар завь гүйцэж ирж бөөрөөрөө хажуугаас мөргөж, сэлүүрээрээ түжигнүүлэн онгоцны хашлага уруу тулах дуу гарснаа түр чимээ алдрав. Гэнэт толгой дээр нь монгол хүний хахир дуу хадаж,

-Хаанахын хэний албат иргэд хаачиж явна? гэж зандрангуй асуух сонстов. Орос завьчдын ахлагчийн сандрангуй дуу гарч,

-Коназ Владислав... Сарай Бат Хану.. Мука, гурил... гэсэн холбоо муутай үг дуулдав. Паргиа дуутай зэрэгцэн залуу хүний шингэн дуу гарч,

-Гурил будаа ачжээ. Хааны алба барьж яваа оросууд байна. Тэмдэг нь энэ гэж хашгирав.

Эргүүлийн цэргүүд завин дээгүүр нааш цааш холхилдож энэ тэр юм шалгаж хоорондоо дүнгэр дүнгэр ярилцана. Завь онгоцыг нэгжиж дуусаад,

-За явцгаа. Өнөө шөнөдөө Сарай хот хүрнэ гээд чимээгүй болцгоолоо. Хашлаганы цаана усан тушаагаас

-Эрэг өөд сэлээд гэх тушаал сонстов. Олон сэлуүр зэрэг усанд бууж нэг хэмээр цалгилах чимээ аажимдаа холдон тасрав,

Харанхуй оромжинд тэсэхийн аргагүй бөгчимдөв. Жиглэгийн дотор муухай оргин бөөлжис хүрч,

-Одоо явчих шиг боллоо гэж шивгэнээд үүд хаасан шуудайтай гурилыг хөлөөрөө тийрч онгойлгов.

Завьчин барлагууд голын харуулын хойноос ширтэн чимээ аниргүй зогсож харагдана. Далбаа дарвуулаа буулгалгүй шөнөжин хурдлан хөвсөөр үүр цайхын өмнөх үнэгэн харанхуйгаар Сарай хотод орж ирэв. Ачаа бараа буулгах боомт өглөөний улаан наран гартал хаагдаж, харуул манааны хэдэн давирхайтай хар завь, том жижиг онгоц завийг хамгаалан манах ажээ.

Тэднийг харанхуйгаас гэнэт гарч ирэхэд харуулын цэргүүд сэхээ орж,

-Хүүе зогс! Юун улсууд вэ? гэж хашгирав.

Орос барлагууд сандарч сэлүүрээ орхиж ахлагчийнхаа юу гэхийг хүлээц алмайрав. Барлагуудын ахлагч бас учраа олохгүй сүүтэгнэж дэмий л хуруугаа солбилзуулан сахал самбайгаа засаж оролдоно.

Бэхтөр гэнэт шуудайн доорх оромжноос толгойгоо цухуйлгаж,

-Бид орос ноёны алба татвар хааны санд нийлүүлж явна. Гурил будаа, Бат хаан.. гэж оросуудыг дуурайн хэлээ хугалан дальдчин хашгирав

Харанхуй дундаас нойрмоглон ундууцсан хэн нэгэн амандаа хараал тавих сонстоод,

-Боомт хаалттай, Өглөөний ургах нарнаар ирцгээ гэж хашхирах дуу усан дээгуүр цуурайтав. Ус цалгихаас өөр чимээ үл сонстоно. Орос өвгөний тээнэгэлзэж шийдэж ядсан харц Бэхтөр дээр тусаж юу гэх бол хэмээн хүлээв.

Бэхтөр өврөө уудалж,

-Харуул. Чи нааш дөх. Битгий ай. Би монгол хүн байна гэж нам дуугаар өгүүлэв. «Битгий ай» гэсэн зөөлөн дуунаас тэр үү эсвэл монгол хүн гэдэгт итгэсэн үү харуулын ширүүн дуу намдаж, ус цалгилах дуулдаад харанхуй дундаас дэнгийн бүүдгэр гэрэл ойртов,

Тэдний бяцхан завь ойртон ирэхэд дотор нь хоёр залуухан цэрэг сууж харагдана. Тэд дэнгээ өргөж онгоцныхныг гэрэлтүүлэх гэж оролдох зуур,

-Та нарын хэн чинь үүр шөнөөр үг дуу тавьж хааны зарлиг зөрчөнө вэ? Тугаар яригч хэн бэ? гэж оросуудыг гайхсан янзтай ширтэв.

-Дэнгийн гэрэлд түүний дуулга, гинжтэй бялууны өргөс гялалзана. Оросуудын дундуур Бэхтөр, Дөштөмөр хоёрын толгой халтартан цухуйж,

- Бид байна. Бид Бат хаанд бараалхах нууц хэргээр явна. Хэвтүүлийн даргатай уулзуулагтун гэж тушаангуй хэлэв.

- Үгүй үгүй тэгж болохгүй. Харуулын дарга мэдвэл бид бөндгөрөөсөө салахад хүрнэ. Та нар цаана гараад голын аль нэг тохойд очиж боомт онгойхыг хүлээ гэж болгоомжлон татгалзав.

Бэхтөр Сорхугтани хатны мөнгөний хавтага нээж,

-Май хоёр алтан сүхэс ав. Тэгээд бид гурвыг баривчлаад эрэг хүргэ. Орос барлагууд нар мандахыг эндээ хүлээнэ биз. Харин та нар эрэг хүрээд бидэнд хэвтүүлийн хуаранг зааж өгөөд суллаж тавь гэв. Цэргүүд бяцхан тээнэгэлзсэнээ битүү зөвшөөрч

-Бат хааны хууль зөрчигч хөвгүүд та нарыг баривчиллаа. Наад онгоцоо орхиж завинд орж сууцгаагтун хэмээн тушаав.

Тэд дээл хувасаа цуглуулж жижиг завинд үсрэн бууцгаав.

Дэнгийн гэрэл гялалзан байсан хоёр алтан сүхэс нэг мэдэхэд харуулын цэргийн өвөр түрийд умбан алга болжээ.

Тэднийг шахцалдан эгнүүлсэн онгоцоор дүүрэн зогсоол дундуур сэлж эрэг дээр гарахад нөгөө хоёр буцаж завиа харуулын модон шон хүргэхээр хурдан сэлж далд орсв. Хоёр цэргийн дутуу дулимаг заасан чигт тэр гурав яаран гэтэж бут бургасны сүүдрээс цочиж, шавар хашаа даган явав. Ашгүй харуулын хоёр цэргийн дүрслэн ярьж заасан урт жүчээтэй томхон орд өмнө нь сүүтийх үзэгдлээ. Ордны хоёр жигүүр дэх минарет дээр гал улалзан манааны цэрэг торолзоно.

Нууц захиа өвөрлөсөн гурван залуу сэмхэн урагшилж хашааны хаалганд тулж очив. Харанхуйгаас өндөр цэрэг тэдний замыг гэнэт хөндөлсөн боож,

— Зогс! Юун улс вэ? гэж давхийн цочтол хашгирав.

— Энэ Сайн хааны хэвтүүлийнхэн мөн үү гэж Бэхтөр сая зүрхээ чангалан асуухад,

— Чи яах гэсэн юм бэ? Харанхуй шөнөөр тандагч хэн бэ? Бариад ав! гэж нөгөө дохигор өндөр захирав. Тал талаас булиа цэргүүд гүйн ирж яах ийхийн зуургүй тонгорон унагаж гарыг нь ард нь хүлж зууралдан ноцов. Дөштөмөр хөлөөрөө тэдгээр цэргүүдийг өшиглөх санаатай тэмүүлэвч чадал дутан чирүүлж гулдруулсаар хашааны гүн уруу явав. Жиглэг шороотой хутгалдсан шүлсээ нулимна. Бэхтөр газар хэвтэх нумаа өшиглөж,

— Миний нумыг аваад яваарай хугалчихав аа гэж хорсон хэлээд Дөштөмөрийн хойноос алхав.

Тэднийг дэнгийн бүдэг гэрэлтэй өрөөнд орж очиход Сыгнак газрын эрээн хивсэн дээр нойрмоглон хэвтсэн цэргийн ноён гайхсан нүдээр тэднийг ажиж ноорч хөглөрсөн дээл гутал, толгойдоо тавьсан орос малгай, тоосонд даруулсан хуяг сэлтийг үзээд давхийн өндийлөө.

Шөнө дүлээр юунд гэтэн ирэв. Нүдэндээ цогтой нүүрэндээ галтай хөвгүүд харагдана. Хэрэг зориг юунд вэ? гэж хүнгэнэсэн дуугаар асуухад Бэхтөр ийш тийш сэрэмжлэн харж,

— Эрхэм ноёны амар амгаланг айлтгая. Бид хаана хэний өмнө байгааг юуны өмнө мэдэж болохсон болов уу? гэв. Цэргийн ноён Бэхтөрийн араас уурсан нудрах өндөр цэргийг дохин хориглож,

— Зоригт хевгүүд та нар Бат хааны торгон цэргийн захирагч Зээгтийн халз өмнө зогсож байна гэж инээмсэглэв. Бэхтөр, Жиглэг хоёр яаран сөгдөв. Үүдэнд торгон цэргүүдтэй тэмцэлдсээр байсан Дөштөмөрийн эсэргүүцэл сая намдаж тэр хүлээтэй гараараа дэмнэх ядаж хөл дээрээ босох гэж оролдовч чадалгүй хэвтсээр байв. Түүнтэй ноцолдогч хоёр цэрэг Дөштөмөрийг ууртай гэгч өргөж газар сөгдуүлэв. Бэхтөр яльгүй өндийж.

— Бид Бат хаанд бараалхахаар ирсэн жич элч билээ. Аль болохоор түргэн бараалхуулж өгнө үү гэв. Зээгт ноён өндөсхийж,

— Хаанаас ирэв гэхэд Бэхтөр цэргүүдийг нүдээр дохиж,

— Далд хэлье. Зээгт ноён та болгооно уу гэв. Зээгт ноён хуруугаараа дохиж үүдэнд бөөгнөрөн зэр зэвсэг хангинуулах торгон цэргүүдийг гадагш гаргалаа. Бэхтөр санаа алдаж,

— Бид сурвалжит хатан Сорхугтанийн зарлигаар хэрэг зоригийн нь гүйцэлдүүлэн тэмцсээр Бат хаанд хэл авчирлаа. Эргэн тойрон тавьсан хавх занганд орохоос өмнө их авхайн эрдэнийн захидлыг хүргэхсэн гэж хардангуй шивгэнэв. Зээгт ноён дахин давхийн цочиж,

— Одоохон явцгаая. Болгоомжгүйдвэл үнэхээр осолтой "Эргэн тойрон Ойгул Каймиш хатны цөөвөр хөлхөлдөн, шинжиж хуншиж амар заяа үзүүлэхгүй” байгаа гэв. Тэд хэдэн торгон цэрэг дагуулан Бат хааны өргөө өөд давхив. Замд нь харуулын цэргүүд зогсоох авч Зээгт ноёны нууц дохио үгээр саадгүй өнгөрөөв.

Тэднийг Бат хааны өргөөнд ирэхэд манаа хэвтүүл тосон авч ордны доторх хүний нүднээс далд гудмаар дагуулан явж гэгээ муутай өрөөнд оруулав. Зээгт ноён тэднийг орхиж цааш бас нэг торгон хөшиг татан харанхуй өрөөнд орж алга болов. Өрөөн дотор чив чимээгүй. Гагцхүү тэднийг дагуулан авчирсан хэвтүүлийн цэргийн хөлөө засах нь дуулдана. Хөшигний цаанаас юу ч үл дуулдана. Зээгт ноён хөшигний цаадах гүн худагт уначих шиг санагдлаа.

Жиглэг гэнэт дотроо тээнэгэлзэж Бат хааны орд мөн юм болов уу? Шихихутаг ноёны хүмсүүд тэд нарын толгойг эргүүлж заль мэх зохиож байна уу гэсэн бодол төрж айх шиг болсноос нуруугаар хүйт даан үс нь зарайв.

Хөшиг гэнэт сөхөгдөв. Зээгт ноён догшин ширүүн харцтай, «нуруу»[Язгуур сурвалжтай Монгол хүн] монгол хүний намба төрхт ноён хүнийг дагуулан орж ирэв. Тэр хүн ухаа хүрэн пүүсүү дээл өмсөж сурвалжит хүний байдлаар гэзгээ сүлжиж чихний хойдтой хумьж хавчуулсан харагдана. Тэр хивсэн дээгүүр сэмхэн алхалж Бэхтөрийн өмнө ирээд,

— Дээдсийн захидал хаана байна гэж гар сунгав.

Гурван хөвгүүд сөгдөн ёсолсон боловч Бэхтөр захиагаа өгөхгүй цааргалж.

- Би дээдсийн өөрийнх нь гарт барих тушаалтайсан билээ гэж хоолой шахан өчив. Зээгт ноён бачмагхан тонгосхийж,

— Чи галзуурав уу. Бат хаан нойрсож байна. Энэ бол дээдсийн ураг хан хүү Бэрх байна гэж уурсан загнахад Бэхтөр бүр ч шазуур зууж,

— Хатан авхайн захидал Бат хааны гарт хүрэхийн батлах тэмдэг байна уу гэв.

Бэрх хааны хөмсөг үл мэдэг сөхөгдөж тур зуур тулгамдан зогсов. Хэвтүүлийн цэргүүд Зээгт ноёны уурсан гараа сэлэм уруугаа ойртуулсныг дуурайж сэлэмнийхээ бариулыг шүүрэн авцгаалаа. Бэрх хаан энгэрээ задалж,

— Үүнийг үзвэл итгэх үү? гэж гэрэлт чимэг шигтгээтэй алтан дөрөө үзүүлэв. Дөрөө тэтгэгч Зүчийн ураг мөн тул Бэхтөр өврөө уудалж хир даг болж харласан ширэн дугтуй гаргаж Бэрх хаанд барив. Тэр энгэрээ товчилж хиртэй дугтуйг сэжиглэсэн янзтай хурууны үзүүрээр хавчин авч,

— За явцгаа. Зээгт ноён шан хайрлана. Өнөөдөртөө хэвтүүлүүдтэй өнж. Маргааш гэхэд Бурандуй ноёны цэрэг зусаж байгаа Дакийн нутаг уруу сэм хөдөл. Энд удах та нарт аюултай. Ойгул Каймиш хатны туршуул бөөсөн дунд ч явж мэднэ гэж хошигнон өгүүлээд хөшиг сөхөн гарч одов.

Тэд ордноос гарч мориндоо мордоцгоов. Дөштөмөр гайхан өгүүлрүүн

— Энэ юуны учир Ойгул Каймиш хатныг байн байн дурсана вэ? гэв. Зээгт ноён тэдэн уруу гайхан харж,

— Их хаан Гүюг тэнгэрт хальсныг та нар одоо болтол мэдээгүй юү? Одоо монгол улсын төрийг Ойгул Каймиш хатан шүүрэн авч, Кадак ноён тэргүүтэй хорт могойнууд Чингисийн алтан ургийг тасалдуулахаар элдэвчилж байгаа шүү гэж дургүйцэн шивгэнэв.

Залуу эрс Гүюг хаан таалал төгссөнийг сонсоод гашуудах, баярлах хослон бушуухан Бат хааны ордноос зайлж Карпатын ууланд хоргодон дээдсийн хэргээс холдохоор яарцгаалаа.


Top
   
PostPosted: Oct.05.15 11:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6308
Location: Энд
Баярлалаа :wd: :wd:

Энэ номыг дахин шинээр хэвлэсэн гсн мэдээ бас гарсан бна лээ. Уншчихаад дараа худалдаж авна аа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.06.15 5:24 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.30.09 12:02 pm
Posts: 119
Location: Огт оргүй нүднээс тасран харвах тэр одонд...
Арван гуравдугаар бүлэг

Модны сүүдэрт таатай сэрүүхэн байна. Дайжушилэгтийн аравт хотын төв талбайд ургах хуайс, нигүүрс модноос морьдоо уяж сэрүүцэх нэг нь модны сүүдэрт үлдэж, сониуч нэг нь Аяс хотын буурчийн газраар хэсэж хэдэн сейкээ барахаар одов. Талбайн эргэн тойрон эрээн мяраан зах ажиллаж франкий, никей, генуэ есөн хөлийн худалдаачид өөр өөрийн барааг хоолойн тэнхээ мэдэн магтаж үнэ хүргэхийг хичээнэ. Тэдний дунд өндөр эсгий малгайтай нутгийн улсууд чихцэлдэн өөрийн хөлс хөдөлмөрөөр арай хийж ургуулсан гүйлс, нимбэг, усан үзэм зарж далайчдын эхнэр хүүхэд өчигдөр оройхон торноос авсан мөнгөлөг жараахай загас элбэг худалдана.

Дайжушилэгт морио Тайширт харгалзаж байхыг захиад Абагахирилтуг, Сабраг хоёрыг дагуулан зах зээл сонирхохоор явав. Баян тансаг зассан лангуун дээр далайн тэртээгээс ирдэг торго, дурдан, улаан хамба, Тебризийн хивс, Сарайн шаазан, Генуэгийн шил толь нүд булаан эрээлжилнэ.

Талбайн хөл дэх нарийхан гудмаар уруудан майлс ургасан цэцэрлэгт хүрч очив. Тэртээ хол Искендрийн далай униартан цайрна. Дарвуулт онгоцнууд, загасчны завь наранд гялалзана.

Тэр гурав далайд гялалзах давалгаа, дэргэдэх байшин сав, эмс хүүхнүүдийг шохоорхон алхав. Өөдөөс нь шороо тоостой хүнд гутлаа чирэн сагстай хоол унд ноёндоо зөөх генуэ газрын өнгөт нүдтэн цэрэг хөлсөө гоожуулан зөрж өнгөрнө.

Гетум хааны харьяат жирэвгэр сахалт гоёмсог цэргүүд тэдгээр зарц цэргийг илэрхий шоолон хөхрөх янзтай. Гурван дайчид тэднийг залхаамаар санагдавч хэрэгт оролцсонгүй цааш гэлдрэв. Далайн эргийн чулуун шатан дээр баахан хүүхнүүд жимс ногоо зарж сууна. Абагахирилтуг тэдний нэгийг үзээд дуу алдаж,

— Энэ ямар үзэсгэлэнтэй эм бэ? гэж чулуу сандайлан суух задгай энгэртэй цагаан цамц өмссөн хонгор үстэй нарийхан хүүхний өмнө ирэв. Сагс дүүрэн усан үзэмнээс нь амандаа хийж — Ийм хүүхний үзэм амттай байх учиртай. Сагс нь хэдэн зоос вэ? Гэж асуугаад өөрийн хэлсэн үгэнд баярлан ангайтал хөхрөв. Жимс худалдагч бүсгүй үнэхээр сайхан төрсөн хүний үр ажээ. Сагсны хажуугаар цухуйх нүцгэн хөлний жижигхэн хуруунууд нь эгдүү хүргэм харагдлаа. Усан үзэм дүүрэн овоолсон сагснуудын ард суух тэр хүүхэн гурван залууг саравчлан харж

— Ав ав гэх бололтой уриалагхан инээмсэглэнэ. Абагахирилтуг тэр хүүхний гарыг атгаж,

Хэдэн зоос вэ? гэж хуруунуудыг нь гозойлгов. Тэгэхэд тэр хүүхэн ойлгож хоёр хуруугаа гозойлгон тэднээс эмээсэн шинжтэй инээмсэглэв.Дайжушилэгт ягаан хацарт бүсгүйг өхөөрдөж хуруун дээр нь нэмж нэг хуруу гозойлгож,

— Үзэсгэлэнт бүсгүйгээс гурван зоосоор авахад яадаг юм бэ гэж инээмсэглэнэ. Залуучуудыг ийн наргиж марзганахыг үзсэн хажуугийн худалдагч авгайчуул хөхрөлдөн баясна. Гудманд тоглох жаалууд эл гурвын үүсгэсэн шуугианыг анзаарч тойрон шавав. Нөгөө хүүхэн харийн залуусыг балмад шохоорхлыг татсанаа ойлгож зүс улайлган ичингүйрхэв. Тэдний ард морин туурайн чнмээ гэнэт гарав. Эргэж харвал Цоорчигон хэдэн цэргээ дагуулан шогшин ирэв.

— Хүүе Дайжушилэгт! Та нар чинь энд явган юу хийж яваа юм бэ? Ээ наадах хүүхнээ орхи. Энд нэг сонин газар байна гэнэ. Дэмий цагаа үрээд яах вэ. Мянгатын шивээ уруу буцахаас өмнө тийшээгээ амжъя гэж хэлэхэд Сабраг цугларсан олон хүүхэд дундаас холдохыг яарч,

— Явцгаая гэж Дайжушилэгтийг чангаав. Дайжушилэгт, Абагахирилтуг хоёр хүүхэн эргүүлэхэд саад болсон Цоорчигонд дургүйцэж,

— Юунд тэр вэ? Энэ сайхан эмээс өөр ямар сонин юм байдаг юм бэ? гэж өгүүлэв.

Цоорчигон онгоц овоорох боомтын зүг толгой дохиж,

— Тэнд нэг асарт үүнээс үзэсгэлэнтэй олон сайхан татвар эмс байна гэнэ. Ихэнх нь нүцгэн явах юм гэнэ. Асрын эзэн сайхан загнахаараа хэдэн зоосоор исэрт өрөөнд орохыг зөвшөөрдөг гэнэ. Явъя, явъя гэж уриалав. Абагахирилтуг нүцгэн эмсийн сураг дуулуут аль хэзээ нэг цэргийн араар сундалсан байв. Тэд хүүхэд хөгшид дайрчих шахан нарийхан гудамжаар давхисаар хоёр байшингийн дунд шахаж барьсан том эрээн асарт хүрэлцэн ирэв.

Том асрын гадуур бас л худалдаа наймаа өрнөж, амьтан хүн нааш цааш хөлхөлдөцгөөх ажээ. Тэд харанхуй хаалгаар алхан орцгоов. Шалхгар бүдүүн эр, чавганц царайлан наалинхай нь аргагүй инээд алдан угтав. Дайжушилэгт, Сабраг нар бяцхан ичингүйрч юу хийхээ мэдэхгүй үүдэн тус займчин зогсов. Нөгөө намхан бүдуүн эр тэднийг зоримог түлхэж дэнлүү асаасан харанхуй өрөөнд оруулж дамжин явсаар оргилолт булаг шоржигнох хуайс, майлсан цэцэрлэгт оруулав.

Монгол хөвгүүд нэгэн сайхан ливан хушны дор байх цагаан гантиг ширээнд тухлав. Архи дарс, алим жимс авчирч тансаг ширээ засахад өлссөн цэргүүд ховдоглон дайрч гарав. Гэнэт усан сангийн цаана нүцгэн эмс гарч бүжиглэж эхлэхэд монгол хөвгүүд ам ангайн шохоорхож ганц ч үг дуутарч чадахгүй суув. Тэднийг бүжиглэж дуусаад бургасны араар ороход цар барьсан хуузтай залуу бөхөлзөн ирж балмагдсан хөвгүүдээс зоос цуглуулна. Эм хүний шалдан бие үзэж сэтгэл хөдөлсөн цэргүүд хавтагтай мөнгөн зоосноосоо харамгүй хаялж,

- Дахиад дахиад! гэж шавдуулав. Сахалт залуу далд оров. Хөгжим дахин хангинаж нөгөө хүүхнүүд гэдэс ууцаа элдэвчлэн хөдөлгөж шалдан гуяа гялалзуулан бүжиглэлээ.

Абагахирилтуг, Цоорчигоны өндөр хөх цэрэг Рашид тэргүүтэй сэтгэл хөөрөгсөд хундага хундагаар дарс залгилж,

— Уухай уухай! Зөв зөв! Ууцаа сайн хөдлөг! гэж бахдан хашгирцгаав.

Бүжиг дуусахад дахин мөнгө цуглуулна. Абагахирилтуг сүүлдээ нэлээд согтоод босон харайж тэнтэр тунтар алхан эмс өөд тэмүүлж оргилолт булаг шоржигнох усан санд үсрэн оров. Хүнд сэлэм хэлхээ хуягтаа татуулан живэх агшинд нөгөө сахалт эр урт гөөх барин яаравчлан ирж түүнийг уснаас татаж гаргав. Усаа гоожуулан оргилолт булгийн хашлага сандайлан суух булиа улаан Абагахирилтугаас бүжигчин бүсгүйчүүд болгоомжлох аж. Бусад нь түүнийг шоолж наргиж хөхөрцгөөнө.Орой болохын хэрд залуусыг асарт морилохыг урив. Тэд сүүмийсэн 6үдэг гэрэлтэй өрөөнд оров. Бүжиг хийсэн нүцгэн эмс угтаж дээл, хувцас бүс сэлмийн нь тайчиж уруул дээр нь часхийтэл үнэсэж согтуу дээр нь толгой мансууруулж ийш тийш нь дагуулан одов.

Сабраг дэр жинтүү олонтой исэр дээр хөлбөрч зөөлхөн биетэй урт уст бүсгүйтэй айлгүйтэн ноцолдож байтал «Амь авар» гэх шиг болов. Тэгтэл гэнэт даавуу урагдах сонстож,

— Бид занганд оржээ. Цэргүүд наашаа! гэсэн Цоорчигоны хахир дуу сонстов.

Сабраг өвөр дээр нь эрхлэн хэвтсэн хар нүдэн бүсгүйг түлхэн зайлуулж нүцгэн хөлдөө гутлаа углан Цоорчигоны дуу гарсан зүг хурдлав. Замд нүцгэн улс тааралдаж хөнжил даавуу хөлд орооцолдоно. Нэг өрөөнөөс Абагахирилтуг нүд нь орой дээрээ гарчихсан,

— Юу болов? гэсээр үсрэн гарч ирэв. Тэр хоёр дуу шуу хадах өрөөний хөшгийг шаржигнатал хуу тагаад оров. Дайжушилэгт Цоорчигон нар цагаан чалматай хэдэн маавртай тэнхээ мэдэн ноцолдож харагдав. Абагахирилтуг тэдний дунд зүсэн орж гарт дайралдсан маавруудыг асрын хаяа өөд шидэлж гарлаа. Мааврууд зугтахад тэндий доороос үнгэгдэж үс нь арзайсан хүн босож ирсэн нь Цоорчигоны цэрэг Балт байв. Тэрбээр нүдээ бүлтэлзүүлж,

— Вавилоноос ирсэн Мансур султаны туршуул байна. Намайг хүлж баглаад аваад явах дөхлөө гэж догдлон бархирна.

Муусайн мамлюкүүд биднийг эргүүлээд яах юм бол. Алив хувцсал. Шивээ уруугаа давхия. Эд франкийн гэгээн Лүйг олзолсныгоо их юманд бодож галзуурчээ. Бушуул, бушуул гэж Цоорчигон бусдыгаа яаруулав.

Тэд даруй хотоос гарч мянгат дээрээ ирэв. Тэндээс цэрэг авч шөнө дүлээр асар дээр эргэж ирэхэд хэн ч байхгүй байлаа. Хэдэн нүцгэн хүүхэн ч ор сураггүй болжээ. Сураг гаргахад яарч сандарсан арабуудтай завь онгоцоор далайд гарсан дуулдаа. Маргааш нь Жейхан голын эрэгт Хаданчигай баатар мянгатаа жагсааж,

— Баатар хөвгүүд ээ! Жад мэсэн хумст арслан барсууд аа! Ачигхори ноёны зарлигаар манай мянгат Киллигийн хаан Гетумийг тэнгэр эзэн хаан Мөнхөд бараалхахад дагаар явж нууцлан хамгаалах хэрэгт дайчлагдлаа.

Бид Гетумыг битүү дагаж тэдэнд аюул нөмрөхөөс хамгаална. Гетум биднийг дагах учрыг мэдэх ёсгүй. Цаг цөвүүн байна. Өчигдөрхөн Жүржиг баатрын хөвгүүдийг барьж манай мянгатын энд байгаа учрыг мэдэх оролдлого хийлээ. Тагнуул туршуул олширлоо. Мөн замд тэрслүү этгээд олон тохиолдоно. Манай олон түмтүүд Гянж, Исфахан хотын тэрслүүнүүдийг дарахаар дайчлагдаад байгаа. Иймд явдлаа туйлын нууцалж болгоомж хартай явахыг анхаарагтун гэж захив.

Тэд хоёр гурван өдөр шивээндээ өнжиж холын аянд бэлдэцгээв. Нутгийн зүг хөлгийн жолоо залах болсонд баярлаж сэтгэл урамтай хоног тоолж сууцгаах болжээ. Нэгэн бүрхэг сэрүүхэн өглөө Аяс хотоос монгол армян ноёдоор хүрээлүүлсэн Гетум хааны цуваа гарч дорно зүгийг чиглэв. Түүний шадар бараа болоочид аргамаг хүлэг унаж хаад ноёдын суусан сүйх тэргийг хүрээлэн хатирна, Чингэлэг тэрэгтэй эд агуурс, татвар эмс гоо сайхан авхай суулгасан бүхээгт тэрэг цувсаар далд орох үест Хаданчигай ноёны мянгат зуут зуутаараа салан уул хад дамжин сэм дагаж хөдлөв.

Гетум хааны цуваа шавар шалбааг тойрон замдаа алжааж амрах нь олон тул газар хороож цөхнө. Хаданчигай ноёны дайчид нутгийн зүг яарч Гетумын дайчдын болхи удааныг дотроо буруутган зүхэж явлаа. Жүржиг баатрын зуут цувааны зүүн жигүүр магнайг хамгаалж урагш хойш сүлжин тэрслүү цэрэг, хортон дайсан буй үгүйг нэгжин шинжиж явна. Хаданчигай ноёнд ихэвчлэн шөнөөр хэл хүргэж холбоо барина. Тэд Евфрат мөрний эх Хар ус голыг өгсөн явсаар Эрзурум хотод ирэв. Тааврын нуруунд ургадаг мөнх ногоон арц, армаг тармаг нарс цоохортсон бэл дагаж хот уруу ойртоход хотын дарга Реза меликийн хөх цэргүүд давхиж ирэв. Гетум хаан тэнгэр эзэн хаан Мөнхөд бараалхалаар явааг сонсоод эл цэргүүд Реза Меликд дуулгахаар яаран хот уруу тоос бужигнуулан одов. Хотын иргэд монгол цэргүүдийг битүүдээ хардсан шинжтэй болгоомжлон ширтэж замд тулгарвал дөлнө. Тэд хотыг тойрсон үй олон хавтгай дээвэртэй байшангуудад зуут зуугаараа сэм бууж, морио илжигний зүчээд тушиж орхив.

Эрзерум хотын төвд өндөр довцог дээр орших меликийн ордонд хөл болж Гетум хааныг угтаж авах ёслол явагдаж байлаа.

Дайжушилэгийн хэлсэн үнэн болов. Энэ шөнө битүү байшинд унтах нэг л ёртой. Нөгөө иврит[8] жийн, савдаг шулам нь салахгүй гэснээр шөнөжин хар даран зүүдэлж хөрвөж тонгочиж байтал тэднийг гэнэт татаж сэрээв.

Сабраг ухасхийн сэлмээ шуүрч,

— Юу болов? гэж өндийв.

— Жүржиг баатар дуудаж байна. Давидын тэрслүү нар Чингэлийн даваанд Гетум хааныг хорлохоор бүгэв гэнэ. Бид урд хашааны үүдэнд цуглацгаалаа гэж тэдний зуутын хэн нэг нь харанхуйд өчив. Тэд морио авч урд хашаанд очив. Найман зуут хөдөлж Аррат уулыг чиглэв. Замдаа күрд гарүт малчдаас чингэлэг тэргий нь хүраамжлан авч Билгүүдэй баатрын зуутыг Гетум хааны цуваа адил дуурайлгаж Чингэлийн давааг өгс гүүлэв. Цуваа цэрэг хад чулуунд донслон тагийн өтгөн ногоон өвсийг налуулан урагшилжээ. Ууланд бүгсэн армены тэрслүү иргэд давааны доорх хадан хясаанаас гэнэт чулуу мод нурааж уулгалан довтлов.

Билгүүдэй баатрын зуут чингэлэг тэрэгнийхээ ард хоргодон харвалдаж амь тэмцэн хатгалдав. Тэгэвч Давидын бослого дарагдахад ууданд гарч бүгсэн иргэд хад чулууны араас усны үер мэт гарч ирсээр байв. Тэдний гар дахь өвсний сэрээ, модон муна аймшигт зэвсэг болон хувирчээ.

Энд тэндээс чулуу мод нисэн бууж морь малын ууцыг хуга дарж унагана. Чулуун «уутны» амаад орсон Билгуүдэй баатрын зуут хоромхон зуур цөөрч ихэнх нь чулуун доор даруулжээ. Хаданчнгай ноён морь малаасаа салаад бамбайгаа толгой дээрээ барин гуйвганан гүйх цэргүүдийг харамсангуй ажиглах боловч бусад зуутыг тэр зүг дэм өг гэж илгээсэнгүй. Харин Чингэлийн давааг бүслүүлэхээр тагийн нуга дундуур хэд хэдэн зуутыг уул өөд явган мацуулав.

Тэд уулын хяраар гинжлэн сууцгааж чулуунд даруулах аюулаас хэлтэрч зэвсэг муутай тэрслүү иргэдийг ар шилнээс нь бүслэн авч ганц нэгээр хороов. Тэрслүү иргэд Билгүүдэй баатрын зуутыг хядан устгаж хэд хэдэн удаа уулын хяр өөд цөмрөн зугтах гэж оролдсон боловч амжилт олсонгүй. Хэрэг бишидсэнийг ойлгосон сургууль муутай энгийн иргэд сандарцгааж удирдагчийнхаа тушаалыг сонсохыг байж хөндий уруу одсон замаар хэсэг бүлгээрээ зугтжээ.

Давааны аман дээр нуугдсан морьт цэргүүд хэсэг булгээр зугтах хөөрхий иргэдийг гэзэг даран хөөж бүрэнхий болохоос өмнө амжиж хядахаар яаран бусниулж хаяв. Айж сандарсан тэрслүү иргэдийг хонь мал шиг тууж хадны хавцал уруу шахаж гүн эрэг уруу унагана.

Өндөр уулын хүйтэн салхинд жихүүцсэн Дайжушилэгт уулын энгэр дэх саглагар ногоон унанги хушны нөмөрт чичирч зогсов. Өтгөн ургасан өвс навчин дунд аравтын бусад цэрэг явгалан зогсоцгоож холын бараа ширтэцгээнэ. Тэднээс цааш бүсэлхийгээр татсан өвсөн дундаас Жүржиг баатрын бусад аравтууд цухуйж харагдана. Тэрслүү иргэдийн отоо хийсэн хадан цохио, торлог шавсан саарал чулуутай тагийн намаг ногоорох хамрын цаанаас дүнхийн цухуйна. Тэнд Билгүүдэй баатрын цэргүүд цохилтын хүндийг биедээ үүрч, асгаран буух чулуу сумнаас зайлж амиа авч гарахыг хичээн байгаа биз. Золиондоо гарсан хөөрхий зуутын гүйцэтгэх үүрэг тулалдаан эхлэнгүүт л дууссан билээ. Хаданчигай ноён тэрслүү иргэдийн уулгалан дайрахыг л хүлээж байсан юм. Ногоон голт зуутын цэргүуд Желал Ад Дины тэнэмэл султан Мухтар бейгээс хулчийж зугтсаны төлөө аравт цэргийг цаазлуулснаас хойш нуруугаа дайсанд харуулсан удаагүй билээ. Энэ удаа ч тэд чулуун хүүдийний ёроолд эцсээ хүртэл зогсоно. Гэвч тэдний эрэлхэг зоригт хэн ч итгэхгүй болжээ. Сабраг тэднийг толгойгоо хоохойлон амь гуйж байгаа мэтээр дүрслэн бодож байв. Бусад нөхөд нь ч Билгүүдэй баатрын зуутыг Хаданчигай ноён зориуд гаргуунд нь гаргасан мэт санаж байв. Эдэлгээ нь өнгөрсөн дээлийг тохом нэмнээнд хэрэглэдэг биш үү.

Тэрслүү иргэдийн түрүүч эргэн харсаар шуугин урсах горхины өндөр эрэг дээгүүр мэгдэн сандран гарч ирэв.

Шүнгэнэн исгэрэх сум энд тэндээс улин нисэж тэрслүү иргэдийн түрүүчийг зогсоов. Сэрээ, хадуур, урт богино хутгаар зэвсэглэсэн арменууд амь гарахаар зүтгэж нүүрэн талын эгнээнийхнийг түрэн замын хоёр талаар тавьсан Жүржиг баатрын хориглолтыг сэт цохин цөмлөж гэр орондоо хүрэхээр тэмүүлцгээв. Энд тэнд бултас бултасхийн үзэгдэж мод чулуу сүлжин алга болох тариачдын араас отооны цэргүүд нэхэн хөөхөөр бужигналдаж морьдоо барьж унацгаав. Дайжушилэгт аравтаа удирдан хөөрхий иргэдээс ганц хүн ч амьд гаргахгүй гэж дов сондуул нэгжин уруудсаар явтал хоёр талаасаа урсан нийлэх горхины бэлчир дэх өндөр хадан хясаан дээр босгосон чулуун цайзанд тулж ирэв. Тэнд Хаданчигай ноёны тавьсан харуулын цэргүүд үүд хаалга манаж байжээ. Цайзны цонхон дээр Чингэлийн даваа өөд явцгаасан эр нөхөр, үр хүүхдээ хүлээн сэтгэл зовж овооролдсон эмс охид, голын эрэг даган харчуул нь амь тэмцэн зугтааж ирэхийг үзээд үймэлдэн шуугилдацгааж, зарим нь хаалга манах харуулын цэргүүдийг гэнэт довтлон цонх тагтнаас чулуу модоор нүүлгэж үүд хаалгыг чөлөөлөхөөр хөдөлцгөөв.

Амь эрсэн зугтах тэрслүү иргэдийн түрүүч хэсэг цэлийтэл нээгдсэн цайзны хаалгаар хар эрчээрээ давхин орж амжив. Цайзанд орсон улсууд амь гарсандаа баярлаж бушуул, бушуул. хаалга хаа гэдэг ганц бодолд автан дайснаасаа салахын хүслэнд хөтлөгджээ. Араасаа гүйх айл аймгийнхнаа цайзны гадаа сэтгэл төвдөлгүй орхин том модон хаалгыг чахруулан хааж хөндөл модоор яаравчлан түгжиж амжсан нь ихээхэн осолтой эндэл болов. Түгжээтэй хаалганы гадаа сандран мэгдсэн зугтаагчид бөөгнөрч оруулахыг шаардан галзуутайяа нүднэ. Айсандаа нүд нь орой дээрээ гарч танигдахыг байтлаа хувирсан царайтай чигцэлдэн бархиралдах хүмүүсийн дунд эр нөхрөө байгааг өөрсдийн хар зөнгөөр мэдэрсэн бүсгүйчүүд гашуудан орилолдож үүдийг даруй нээхийг шаардсан боловч нэгэнт хожимджээ.

Дайжушилэгтийн аравт цайзны зуг цувралдан давхиж нэг нэгийгээ зоригжуулан дэмжих аймшигтай зэвүүн дуу тэнгэр газрыг доргитол цуурайтаж байв. Махир сэлмүүд гэрэл гялбуулан эргэлдэнэ. Хуягласан хөвгүүд занганд орсон адгуус аятай хаалганы гадаа бөөгнөрөлдөн чихцэлдэх олны дундуур зүсэн орж баруун солгойгүй цавчиж хаялаа. Эмс хүүхдийнх нь нүдэн дээр эр нөхрийг нь элдэн хөөж хөнөөнө гэгч юутай бузар үйл вэ?! Цайзын эргэн тойрон цусанд бялдаж тарааж хаясан шагай шиг торойсон олон хүүрээр дүүрэв.

— Цайзыг галдъя. Цайзыг галдъя. Муусайн үхэр оготныг утаж үүрнээс нь гаргая хэмээн нэг нь орилов. Дайжушилэгт малын саравч болон уул өөд өгсүүлэн барьсан навтгар байшингуудын модон адрыг сэлэмний үзүүрээр зааж,

— Аравт! Энэ хэдэн саравчийг нурааж цайзны хаалган дээр овоологтун! гэж тушаав. Аргай Тайшир тэргүүтэй цэргүүд явгалан малын хашаа өөд гүйцгээлээ. Сабраг хөлсөө арчин амьсгаадаж Дайжушилэгтэд хандан,

— Шилэгт ээ! Гэмгүй ядмаг дорой охид хүүхнүүдийг галдаж сандрааж юу хийх вэ! Тэнгэр бурхан хилэгнэх биш үү. Буцъя. Жүржиг баатар Чингэлийн давааг хэдийнээ булаан аваад биднийг хүлээж суугаа биз гэж аравтын даргадаа андын хувьд зориг гарган зөвлөв. Дайжушилэгт нөхрөө адгуу нүдээр ширтэж,

— Бид дайсныг яллаа. Ялалтыг маань тэтгэгч сахиус бурхандаа хишиг өргөх хэрэгтэй. Энэ цайзанд эзэндээ хэрэггүй болсон өчнөөн төчнөөн баялаг нуугдаастай байна. Бид түүнийг олзлон авч нутаг усныхаа онгон савдагт өргөхгүй бол гомдоно. Эх эцэгтээ хоосон очих гэж үү? Аравт түргэл. Цайзны хаалгыг шатаа гэж бухимдан үглэв. Авгай хүүхэд бархиралдан гараа сарвалзуулах цайзны зүг Сабраг ширтэж,

— Эмс охидоос хүч түрэн булаасан олзоор эцэг эх маань яах ч юм билээ. Эрийн сайнаар олоогүй олз олз болохгүй сүлдийг минь буулгана гэж ярвайн өгүүлэв. Жутаа Тогосболор хоёр амандаа орсон шар тосыг хэлээр түлхэхийг үзээд Сабрагт дургүйцэн уур нь бадарч уушги зүрх нь сагсайж,

-Цайзан дотор тэрслүү этгээд нуугдаж амжсан билээ. Тэдэнд хэн хаалга нээж өгсөн бэ. Цайзны авхайчуул биш үү. Одоо хэр бууж дагасангүй сумаар харваж байна. Иймд тэд дорой эмс биш үүрэндээ отон хэвтэж, хатгаж хазахаар шүлсээ хураагч хорт могой, дайсан этгээд мөнөөс мөн гэв. Тогосболор хөвгүүн ширвээ хар сахлынхаа үзүүрт хөөсрөн наалдсан шүлсээ арчиж,

— Би гал тавиадахъя гэж хормойгоо шууж бүсэндээ хавчуулаад хэтнээсээ уул авч үйсэнд ороон барьж бул чулуунуудыг сүлжин мод мөчир овоолон бэлдсэн хаалга өөд гүйв.

Цайзан дээрх давхарлаг гэрийн цонхноос гол хаалга цамхгийн саарал чулуун хашлаганд халхлагдан үзэгдэхгүй тул Тогосболор тайвуухан цомцойн сууж хэт цахин бөгтөгнөнө. Төдөлгуй хуурай уул өвсөнд оч үсрэн уугиж, улмаар мөчир дамжин дөл улалзан асав. Тогосболор хажууд буух чулуу суманд өртөхгүйдээ бардаж чимээ шуугианыг огт тоосон шинжгүй ноцож байгаа галыг өрнүүлэхээр хацраа төмбийлгөн үлээж суув. Утаа май хаалгыг бүрхэн суунаглаж хүн хажууд нь суухын аргагүй болоход Тогосболор ухасхийн босож Дайжушилэгтийн ажиглан хүлээж суусан цагаан саарал хад уруу бөгцөгнөн харайлгав. Түүнийг ил гарахыг хүлээн өшөөгөө авахыг хүссэн отогсодын сум бороо мэт асгарав. Гэнэт түүний зүүн далан тушаа нэг сум зоогдоход цайзанд хоргодогсдын заналт дайсан тэр дороо татваганан нам унав. Жутаа Минсэл хоёр бамбайгаар халхлан Тогосболорыг угтан очиж зүлгэн дээгүүр чирэн ирэхэд амнаас нь цус урсах дарвагардуу уруул нь хөхөрч амьсгаагаа хураасан нь илхэн байлаа.

Дайжушилэгт болон тэдний хойноос гүйцэж ирсэн Хүрмэн Тэслээдэгээ нарын араас улай узсэн тас аятай өвхөлзөн утаанд авахуулсан цайзны хаалгыг шатаж гүйцэхийг бусад нь хүлээв.

Шатсан хаалга унаж зам нээгдмэгц аравтууд уулгалан дайрч нэг нэгээсээ өрсөн, шунаж тэмүүлсэн хүсэлдээ хүрэхээр авдар сав, агуулах чингэлгийг яаран нэгжиж онгичиж гарав.

Хаданчигай баатар тэрслүү иргэдийг дараад, чулуун мухлайд ундуй сундуй хэвтэх хэмхэрхий тэрэг, хүн малын хүүр, мод чулууг зайлуулж Гетум хааны морилох замыг цэвэрлэв.

Ийнхүү Килигийн Гетум хааны цувааг хамгаалан аажуу уужуу аялж тэрслүү дайсан этгээд эс дайралдвал ан гөрөө хийж их говийг гатлан, Тэврис, Самарканд мэт том том хотуудыг дайран явсаар нэг мэдхэд Эв нуурын хөвөөнд ирцгээжээ.

Нуурын хөвөөгөөр зусах айлуудаар ороход айраг идээ хамар цоргиж монгол үг чихнээ чимэгтэйеэ уянгалж харийн оронд ядарсан алдын чинээ биеийн алжаал тавигдаж сэтгэл тэнийв. Нутагтаа эргэж ирлээ гэж бодоход үнэмшмээргүй санагдана. Гэрийн үүдээр харагдах тэртээх элст довцогт ногоорон найгах дэрс сондуулын сүүдэрт хэвтэж цагаан манан дунд цайран харагдах цаст Эрээн хавиргын нуруунаас үлээх сэрүүн салхинд энгэрээ задгай тавьж сэрүүцмээр ч юм шиг санагдаж суулаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited