#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.24.17 8:32 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Сарны туяа
PostPosted: May.24.15 12:41 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
1-р бүлэг "Аллагын жор"

Түүний нэрийг сонсохгүй өнгөрөх нэг ч өдөр байсангүй.
-Цүкимори үнэхээр дур булаам гэж манай ангийн Камoгава санаа алдан аяархан дуу алдахад тойрон хүрээлсэн хөвгүүд дэмжин толгой дохино.
-Сонсооч залуус аа. Тэр туранхай хэдий ч санаагаар унах хэрэггүй. Ойлгов уу. Тэр бас ...хөхтэй шүү
Тэдний эрээгүй харц ямар нэг зүйлийн талаар хэлэлцэх бүлэг охидоор хүрээлүүлсэн Цүкимори дээр төвлөрлөө. Миний бодлоор бол Ёоко Цүкимори “аятайхан” охин байлаа.
-Чи тэгж бодохгүй байна уу Нономияа?
-Чинийхээр болог
-Хөөх, яасан хүйтэн хариулт вэ. Чи үнэхээр эр хүн мөн гэж үү? Эр хүн гэдэг чинь хэний айраг исч вэ хэний охин том болж вэ гэдэг байх хэрэгтэй биз дээ?
Камогавагаар толгойлуулсан хөвгүүд миний хэнэггүй хариултанд хэт их анхаарал хандуулж эхлэхийг мэдрэв.
-Яахав, би тэрнийг зүгээр л хэтэрхий төгс гэж бодож байна
Тэр царайлаг, сайхан биетэй, дээрээс нь шилдэг сурагч байв. Эелдэг зантай болохоор олны талархлыг хүлээсэн, спортод ч сайн. Ерөнхийдөө Ёоко Цүкимори ямар ч өөгүй төгс төгөлдрийн биелэл мэт сэтгэгдэл төрүүлнэ.
-Энэ тэгээд муу гэж үү?
-Би муу гэж хэлээгүй. Зүгээр л би тэрний хажууд тайван байж чаддаггүй юм
-Аан. Тэр ч үнэн шүү. Эцсийн эцэст Цүкимори биднийг тоох охин биш шүү дээ.
Аз болж Камогава миний хариултыг өөртөө тааруулан хүлээж авав бололтой. Миний жинхэнэ санаа бол Цүкимори дэндүү төгс тул уйтгартай, түүнтэй байхад хайрцганд орсон мэт бачимдмаар санагддаг гэж хэлэх байлаа. Би зожиг болохоор тэгж боддог байж болох ч бидний дунд ямар ч нийтлэг зүйл байхгүй тул би далдуур Цүкиморигоос зай барьдаг байлаа.
Ямартаа ч хөвгүүд энэхүү алдартай охины талаар тун ч их анхаарч үздэг бөгөөд Цүкиморигийн талаар яг л дэлхийн хэмжээний одын талаар ярьж байгаа юм шигээр цуурхаж эхлэв.
-Тэрний найз залуу нь их сургуульд сурдаг гэсэн биз дээ?
-Ноён төгс үү? 3 насаар ах гэсэн
-Айн? Би тэрнийг компанийн захирлын нууц амраг гэж сонссон
-Аан. Тэгээд л тэр сард 200000-н хангамж авдаг байх нь ээ?
-Тоглоод байна уу? Гэхдээ тэрнийг тооны багш Кумадатай зочид буудлаас гарч явахыг нь хүн харсан гэж сонссон шүү
Бусадтай харьцуулах шаардлагагүй, тэр үнэхээр од байлаа. Дахин нэг удаа түүний хичнээн онцгой болохыг нь би мэдрэв. Гэвч тэр өөрөө энэ онцгой байдалдаа дуртай болов уу. Би л түүний оронд байсан бол энэ бүхэн тэвчихийн аргагүй санагдах байсан юм.
-Энэ бүхэн чинь ердөө л цуу яриа шүү дээ. Ямар ч нотолгоогүй
Тэд энэ тухай дэндүү чухалчлан бас дэндүү идэвхитэй ярьцгааж байсан тул би тэсэлгүй инээд алдчихлаа. Тэгээд
-Та нар яагаад өөрөөс нь шууд асууж болохгүй гэж? гэж би зүгээр л тэдний яахыг нь харахын тулд асуув. Бодсончлон миний санаа даруйхан няцаагдлаа.
-Бид яг тэрнээс тийм зүйл асууж чадаж харагдаач
Тэдний хариу үйлдэл намайг баясгасан тул улам цаашлуулахаар шийдэв.
-Хэрэв хүсч байвал би ангийн даргаас асуугаад өгөх үү?
-Хүлээ, хүлээ. Нономияа. Битгий яар л даа. Хэрэв цуурхал үнэн байвал бид яах болж байна? гэж Камoгaва надад яаран сануулав.
-Зүгээр л цуурхал байж болно шүү дээ
-Гэхдээ үнэн байвал яах юм? гэхэд бусад хөвгүүд Камогаваг дэмжин толгой дохицгоолоо. “Болох л юм. Энэ чинь Цүкимори шүү дээ. Болохгүй гэх газаргүй” Ёоко Цүкимори бусдаас ялгардаг нь гарцаагүй үнэн. Бүр өөр төрөл зүйл гэж хэлсэн ч болно. Тэр насанд хүрсэн хүн шиг биеэ авч явдаг тул бидэнтэй чацуу гэж итгэхэд бэрх. Үүнээс болоод эргэн тойрныхон нь Цүкимориг ахлах сургуулийн сурагчдын хувьд үл мэдэгдэх тэр ертөнцийг аль хэдийн туулсан байх гэж боддог нь гайхах зүйл биш байлаа.
-Үнэн харанхуйд нуугддаг байх аа?
Тэр үнэн нь ямар ч байлаа гэсэн надад Камогава болон бусад шиг нь хүндээр тусахгүй байлаа.
-Бодит байдал үргэлж сайхан байдаггүй биз дээ?
Тэд бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байгаа тул үнэнийг тийм ч гэгээлгээр хүлээж авч чадахгүй юм шиг харагдав.
-Энэ бүхэн ямар ч ашиггүй гэж бодохгүй байна уу? Үнэнээс зугтаагаад байвал хайж байгаа зүйлээ хэзээ ч олохгүй шүү дээ.
-Хамаагүй ээ. 2 өдрийн өмнө нэг тэнэг түүнд сэтгэлээ илчлээд хаягдсан. Хэмжээгээ мэдэхгүй өндөрт байгаа зүйлд хүрэх гэж оролдвол унаж, өөрийгөө л зовооно. Надад бодит байдлаас төсөөлөл минь илүү чухал. Бид Цүкимориг үүрд төсөөллийн ертөнцдөө гол дүр байлгахыг хүсдэг гэсэн ч болно.
Би тэднийг хараад инээдээ барьж тэссэнгүй. Тэд намайг үнэхээр гайхуулж чадлаа. “Өсвөр нас аа гэж”
-Хөөе, бид 17той. Биднийг мөрөөдөлтэй нь орхи.
Хараажаар би инээх ёсгүй байсан бололтой.
-Шаардаад байгаа бол би та нарыг дахиж зовоохоо больё
-Тэг тэг. Эмзэг хөвгүүдийн мөрөөдлийг гишгичихээ больж үз
-Ахлах сургуулийн ариун бус хөвгүүд гэх гээ байлгүй
-Тэгвэл манай эрхэм Нономияад хэн таалагддаг юм дээ. Алдартнууд оролцуулахгүй шүү гэж Камогава гэнэтийн дайралт хийлээ. Бусад хөвгүүд боломжийг алдах вий гэсэн шиг яарцгаан намайг хариулахыг шаардав.
-...За байз... Бодъё л доо... Үнэнийг хэлэхэд надад онцгойлон дурдах охин байсангүй. Гэвч байдлыг харахад тэдгээр ариун бус хөвгүүд үүнд итгэхгүй бололтой.
-... Усами дажгүй гэж бодож байна. Би хамгийн түрүүнд санаанд орж ирсэн нэрээ хэлсэн ч тэд хачин царай гарган сэтгэлээр унасан харагдав.
-Ямар сонирхолгүй юм бэ. Үүнээс энгийн байна гэж байх уу. Чи ч уйтгартай юм аа гэж Камогава гомдоллов.
-Тэгэхээр Цүкиморид татагдах нь сонирхолтой юм биз дээ?
-Тэр мэдээжийн бай гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ түүний байр суурь Усамигаас огт өөр түвшнийх. Хэрэв Усамиг жүржийн шүүс гэж бодвол Цүкимори дарс гэсэн үг.
-Жүржийн шүүс бидэн шиг хүмүүст илүү тохирно гэж бодохгүй байна уу?
-Үгүй ээ тэнэг минь чи ойлгохгүй байна. Би... нөгөө... юуны тухай яриад байна. Яг үнэндээ алкоголыг ууж болохгүй учраас бидний сонирхлыг татдаг. Тийм биз дээ? Яг л.. хориотой ертөнцийн талаар мэдэхийг хүсдэг шиг. Одоо ойлгож байна уу?
-Юу гэх гэснийг чинь ойлголоо. Гэсэн ч би жүржийн шүүсэнд дуртай. Чи дургүй юм уу?
-ммм... тийм л дээ. Би жүржийн шүүсэнд дуртай. гэхдээ... гээд Камогава болон түүний хөвгүүд дургүйцэн нүүрээ үрчийлгэв. Цүкимори дээд зэрэглэлийнх гэдэг нь үнэн ч Усами жирийн охидын дунд авч үзвэл сэтгэл татам охин байлаа. Хөвгүүд миний зөв гэдгийг зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч үгүйсгэж чадахгүй байгаа нь илт байв.
-Тэгвэл жүржийн шүүс болон дарсны төлөө хундага өргөцгөөе гэж би ялагчийн дүрээр хэлэв. Надад бараг л өндөр үнэтэй ялалтын дарсыг амталж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
-Чи ч чөтгөрийн зальтай залуу юм даа. Үүнийгээ мэдэх үү?
-Баярлалаа
-Би чамайг магтаагүй байна гэж Камогава уурласан хэвээр хэлсэн ч гол нь би эрх мэдлийг түүнээс булааж чадлаа.
-Хөөе, хөвгүүд ээ. Суудалдаа сууцгаа. Хичээл эхлэх гэж байна гэсэн хоолойг сонсоод хөвгүүд цаг руу хяламхийв. Тэдний дөнгөж сая ярьж байсан охин үүнийг хэлсэн тул тэд анхааруулгыг мэдрэмтгий хүлээж авав.
-Түүний зөв. Жүржийн шүүсийн зөвлөгөөний дагуу суудалдаа сууцгаая гэж хөвгүүд ширээ рүүгээ зүглэх үед Камогава хэлэв.
-Жүржийн шүүс ээ? гэж жүржийн шүүс болох Чизүрү Усами гайхшраад дугуй толгойгоо хазайлгав.
-Та нар намайг муулж байсан тийм биз? гээд Усами миний хажууд суугаад уруулаа жимийв.
-Бид зүгээр л уух юмны тухай ярьж байсан юм.
-Худлаа. Хөвгүүд бөөгнөрсөн л бол тэд нэг бол тэнэг зүйлсийн тухай эсвэл шалиг юм ярьдаг гэж тэр шаардав. Энэ шударга биш таамаг боловч харамсалтай нь би үгүйсгэж чадсангүй.
-Чи ямар гээчийн эмгэнэлтэй амьдрал туулаа вэ Усами? Би бүр санаа зовж эхэллээ шүү
-Намайг өрөвдөхөө больж үз тэнэг Нономияа. Би жирийн л нэг ахлах сургуулийн сурагч.
Намайг түүгээр тоглоом хийх бүрт Усами уурладаг байв. Тэр уурлахаараа нэг бяцхан амьтан шиг... харахад үргэлж зугаатай санагддаг байлаа.
-Сонсооч, хэтэрхий оройтохоос нь өмнө эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй шүү. Хэрэв ганцаараа явахаас ичээд байвал би хамт явж болох юм, гэхдээ...
-Би явахгүй. Над руу харууссан байдлаар харахаа больж үз гээд миний түүн рүү шагайсан толгойг алгаараа түлхээд –цаашаа бай гэж хэлэв.
-Усами цэнгэлдээрэй. Нономияа жүржийн шүүсэнд дуртай гэсэн шүү гэж биднийг ажиглаж байсан Камогава хэлээд зөвхөн шалиг эсвэл тэнэг зүйлс ярьдаг юм шиг харагдуулдаг царайгаа гарган инээв.
-Жүржийн шүүс гэж юу...
Тооны багш Кумада ангид орж ирсэн тул Усами өгүүлбэрээ дуусгалгүй орхив.


Ангид зөвхөн Кумадагийн намуухан хоолой, самбар дээрх шохойн чимээ л сонсогдоно. Бидний түрүүний яриа Усамиг зовоосон хэвээр бололтой намайг хулгайгаар харсаар байлаа. Хэдэн минутын дараа тэвчээр алдав бололтой над руу биеийнхээ дээд хэсгийг ойртуулан “юун тухай ярьсан юм бэ?” гэж шивнэв.
-Би хичээл хийж байна Усами-сан гэж би харцаа самбараас салгалгүй хариулав.
-Бүдүүлэг аашлахаа болиоч.
Би чимээгүй байсаар байсан тул Усами харандаагаараа хажуугаас хатгав. Харандааны үзүүр миний дүрэмт хувцсыг нэвтлэн арьсанд зоогдлоо.
-Хөөе, өвдөж байна
-Тэгвэл намайг үл тоомсорлохоо боль гэж Усами муухай аашлав. “-Үдийн цайны завсарлагаар та нар Ёоко-сангийн тухай ярьж байсан биз дээ?”
-Тийм гэж үү?
-Чи дандаа ингэж мултрахыг хичээх юм Нономияа. Та нар түүний тухай хов ярьж байсныг би мэднэ шүү.
-Чи бидний яриаг нууцаар сонсож байсан хэрэг үү. Муухай хэрэг байна даа
-Тийм биш ээ. Би Ёоко-сангийн нэрийг л сонссон. Та нар чанга ярьж байсан шүү дээ.
Кумада анги руу эргэсэн тул “-Усами” гэж би түүнд анхааруулав. Тэр түргэхэн буцаж суудалдаа суун самбар дээрхийг бичиж байгаа дүр үзүүлэв. Хэдэн минут чимээгүй байсны дараа
-Хэлээч, Нономияа. Чамд Ёоко-сан шиг охид таалагддаг тийм үү? гэж Усами дэвтэр лүүгээ доош харсан чигээр бувтнахад нь би баруун урд зүг рүү харав. Асуудлын гол болсон Ёоко Цүкимори самбар луу ширтэж байлаа. Тэр ухаалаг харагдаж байв, мэдээний нэвтрүүлэгчийг санагдуулам. Ангийн яг голд суухаас гадна бусдаас ялгарах байдлаараа тэр өөрийн эрхгүй ангийн гол зүрх мэт сэтгэгдэл төрүүлдэг байв. Маргаангүй, тэр онцгой. Би түүнтэй холбоо тогтоохоос аль болох зайлсхийдэг боловч яагаад бүгд түүнийг биширдгийг ойлгож байв.
-Үгүй дээ. Тийм биш гэж би хариулав. Хэдийгээр надад элдэв төвөг хэрэггүй ч Усамигийн яах нь сонирхолтой байлаа.
-Аан гээд Усами санаа нь амарсан мэт инээмсэглэв.
-Бид зүйрлэж ярьсан юм. Хэрэв Цүкимориг уух юм гэж бодвол дарс байх болно гэж гээд түүний ямар хариу үйлдэл үзүүлэх нь сонин байсан тул:
-Харин чи жүржийн шүүс гэж үргэлжлүүлэв. Миний хажууд харандааны бал хугарах нь сонсогдлоо.
-Өө тийм үү? гээд Усами хурууныхаа хооронд харандаагаа гүйлгэн тоглож хэнэггүй дүр үзүүлэхийг хичээж байсан ч хацар нь улайхыг би харж амжлаа. Үүний дараа Усами асуулт асуухаа зогсов. Түүний үнэн сэтгэлээс гарсан энэ үйлдэл ямар нэг байдлаар намайг тайвшрууллаа. Түрүүн би ердөө л тэднийг дуугүй болгохын тулд Усамигийн нэрийг хэлсэн ч өөрөө ч мэдээгүй байсан миний үнэн сэтгэл байж болох юм. Ядаж л яг энэ хоромд би Усамид сайн юм шиг санагдав.
-Ингэхэд...
Би яриа дууссан гэж бодсон ч түүнд хэлэх зүйл байгаа бололтой. Усами чухал царай гарган:
-Би... би жирийн... чи мэдэх үү? Жирийн л нэг охин. Чиний түрүүн хэлсэн шиг хачин охин биш. Би буруу ойлгогдохыг хүсэхгүй байна за юу? гэж шивнэв. Би Усамигийн сэтгэл татам үгсийг сонсоод өөрийн мэдэлгүй инээмсэглэлээ. Түүний үнэнч байдал надад таатай санагдав. Яг л аяга жүржийн шүүс амталж байгаа мэт. Би түүнд дурладаг ч болоосой.

Сар бүрийн ангийн даргын уулзалтын дараа манай ангийн эмэгтэй дарга /японд эрэгтэй, эмэгтэй 2 ангийн дарга байдаг/ анги руу яаран гарлаа. Хоосон ангид ороод би ч бас харихдаа бэлдэв. Дугуйланд явдаггүй тул надад сургууль дээр үлдэх шаардлага байсангүй. Гэртээ харьж цагийн ажил руугаа явахад бэлдэх л үлдсэн байлаа. Суудлаасаа босохдоо би шалан дээр их сургуулийн дэвтэр хэвтэж байхыг анзаарав. Хавтсан дээр Ёоко Цүкимори гэж бичсэн байх тул хэнийх гэдгийг нь таах хэрэг байсангүй. Ангийг тойруулан харахад эзэн нь байсангүй тул дэвтрийг ширээн дээр нь орхиод явахаар шийдэв. Яг бодсоноор хийхийн даваан дээр дэвтрээс цухуйсан цаасны тасархайг олж хараад юу ч бодсонгүй татлаа.
“энэ ч санаанд оромгүй зүйл байна даа” гэж би өөрийн мэдэлгүй дуугарав. Цаасны тасархай биш эвхсэн А4-н цаас байх нь тэр. Цаасан дээр бичсэн гарчиг хүн болгоны ярьдаг Цүкимори болон миний өөрийн бодсон Цүкиморигийн төрхөнд тохирсонгүй. Хэн ч хараагүй гэдгийг баттай мэдсэнийхээ дараа би цаасыг цүнхэндээ хийв. Шахуу бичсэн тэр бичгийг бүгдийг нь уншихын тулд багагүй цаг орно гэж бодсондоо л тэр. Тэр үед надад огтхон ч гэмших сэтгэл төрөөгүй бөгөөд цэвэр сониуч зандаа хөтлөгдсөн байлаа. Надад дарсны эсрэг ямар нэг бодол байгаагүй. Ер нь тэгээд ч амсаж ч үзээгүй байж яаж шүүж чадах билээ. Товчхондоо гэвэл бүгдийн магтаад байдаг тэр дарсны чухам ямрыг нь сонирхсон хэрэг.
-За яахав. Манай од ямар гээчийн нууц дэлгэх бол?...
Би юу ч болоогүй мэт ердийнхөөрөө ангийг орхин гарлаа.


Ажлаа тараад гэртээ ирэхэд цаг 10 өнгөрч байв. Нөгөө цаасан дээр юу бичсэнийг уншмаар байсан ч ажил дээр завгүй байсан тул таг мартсан байлаа.
Би хүмүүсийг ажиглах дуртай. Миний хобби гэсэн ч болно. Мэдээж кофенд дуртай минь нөлөөлсөн ч би кафед ажиллахыг сонгосон нь өөр өөр төрлийн хүмүүстэй уулзах боломж олгодог байлаа. Нэг залуу бүсгүй үргэлж тогтсон суудал дээр сууж, гадагшаа ширтдэг. Идэр насны эрэгтэй ирэх болгондоо өөр өөр бүсгүй дагуулна. Хагас жилийн өмнө дурлалдаа шатаж байсан ч одоо ердийн харилцаатай болсон хос гээд л. Энэ бүхэн миний төсөөллийг сэтгэл хөдөлгөм болгодог тул би дуртай байлаа.
Үнэн хэрэгтээ би Камогава болон бусдаас нь өөрцгүй. Эцсийн эцэст би үнэнийг мэдэхийг хүсдэггүй төсөөлөлдөө үлдэхийг хүссэн 17 настай жирийн л нэг өсвөр насны хүү байлаа.
Усанд орж байхдаа нөгөө цаасны тухай санав. Биенээсээ халуун уур савсуулан ор луугаа шумбан орж цаасыг дэлгэлээ. Бүгдийг хурдан дуусгахгүйн тулд яарахгүйг хичээн гарчиг руу ширтэв.
“Аллагын жор”
Яг л нэг алдартай зохиолчийн нууцлаг гэмт хэргийн тухай зохиол уншиж байгаа юм шиг. Үнэхээр ч номын нэр шиг сонсогдож байгаагаас болсон байж ч болох юм.
Бүгдийн ярианы сэдэв болсон Ёоко Цүкиморигийн дэвтэр завсар байсан цаас.
Түүний хайрын явдлуудын талаарх ярианд төгсгөл байхгүй боловч энэ бүх хов жив түүний байр сууринд огтхон ч муугаар нөлөөлдөггүй, аллага гэдэг үг огтхон ч зохихооргүй охин байлаа. Ийм учраас ч миний хорхой хөдөлсөн байж болох юм. Зөрчилдөөнтэй бүхэн намайг илбэ шиг өөртөө татдаг байлаа.
Би сонирхсондоо харцаа цааснаас салгаж чадахгүй байв. Гарчгийн дагуу хүнийг алах янз бүрийн аргын талаар бичсэн байлаа. Зарим хэсгийг нь арилгаж зөв болгосон бөгөөд хэд хэдэн удаа дахин бичсэн байв. Би бараг л энэ эмх замбараагүй зүйлсийг бичсэн хүний амьсгалыг мэдэрч байв. Маш тодорхой.
Энэ бүх аргуудад нийтлэг нэг зүйл байлаа. Хамгийн чухал нь байгаа устгахдаа өөрийн гарыг цэвэр байлгах. Бас үүнийг бичсэн хүн хүн алахад биш харин аллагын үйл явцад гол анхаарлаа хандуулсан байлаа.
-Тэр үнэхээр адал явдалт номын зохиолч болох гэж байгаа юм байх даа?
Үнэхээр ч адал явдалт зохиолын шинжтэй байсан ч нэлээн болхи бөгөөд боловсронгуй болоход хол байлаа. Жишээ нь: “Авто ослын аллагын заавар” гэсэн нэрэн доорУулын тойрог замЖолоочийн анхаарлыг сарниулахЖолоог нь алдуулах гэсэн тун ч энгийн агуулгуудыг сум заан бичжээ.
“Жолоочийн анхаарлыг сарниулахын тулд түүн рүү залгах”, “зам дээр саад гарч ирэх” гэсэн нэмэлт тайлбар хүч муутай нэмсэн байв. Харж байгаачлан дуусах хаа ч байсийн. Одоохондоо төрөл бүрийн санаа цуглуулах шатан дээрээ явж байгаа юм болов уу?
Энэ төлөвлөгөө эрсдэл багатай боловч хэрэгжинэ гэдэгт итгэх аргагүй. Тэр хичээсэн байж болох ч хүн алахын тулд тун ч хангалтгүй төлөвлөгөө байлаа.
Аллагын зааврыг би ширээн дээр тавилаа. Их санасан газар 9 шөнө хоосон гэж. Хүүхдийн гэмээр заавар миний сонирлыг буурууллаа.
-Уур амьсгал үгүй болчихлоо байна гэж би чангаар гомдоллоод унасан сэтгэлээ жинхэнэ адал явдалт зохиолоор сэргээхээр шийдэн номын тавиур луугаа явлаа.
-Үгүй ээ, байзаарай
Шинэ бодол төрж сэтгэл минь сэргэлээ. Аллагын зааврын эзэн хэн бэ? Ёоко Цүкимори шүү дээ.
Ердөө таамаг төдий ч Цүкимори үнэхээр хүн алахын тулд үүнийг бичсэн бол яах вэ? Энэ бодол минь заавар яагаад болхи байгааг тайлбарлах шиг болов. Ямартаа ч Цүкимори хэн нэгнийг үнэхээр үхээсэй гэсэндээ аргаа барж тэр аллагын төлөвлөгөөг бичсэн байж болох юм. Цүкимори, өнөө өө сэвгүй, дэгжин, хөөрхөн, ухаалаг, хүн бүрийг бишрүүлдэг Цүкимори боловсроогүй аллагын төлөвлөгөөг дахин дахин бичиж суудаг.
-хмм, бид ч сэтгэл татам хүүхдүүд юм даа
Хэрэв энэ таамаг үнэн бол би түүний үнэнч шүтэн бишрэгч болоход бэлэн байв. Миний төсөөлөл үргэлжилж, олон тасархай хэсгүүдийг цуглуулж эхлэв. Тэр хэнийг алахыг хүсэв гэх зэрэг олон асуулт урган гарч, Цүкиморигийн хүчин чадал болон түүний нуугдмал араншингийн тухай бодсоор үүр цайлгалаа.

Дараагийн өглөө би бага зэрэг оройтож сургууль дээр очив. Ангийн ихэнх нь цугласан бөгөөд мэдээж Цүкимори ч ирсэн байлаа. Ширээ рүүгээ явах зуураа түүн рүү хулгайгаар харав. Тэр ширээн дээрхээ эмхэлж байсан бөгөөд энэ нь бусдын нүдэнд өртөхөөргүй жирийн үйлдэл байсан ч миний хувьд бол үгүй ээ.
-Өглөөний мэнд, Цүкимори гэж би ердийнхөөрөө мэндлэв. Тэр ширээнээс харцаа холдуулан толгойгоо өргөж, чигчий хуруугаараа гоёмсог урт үсээ илбэн нүүрнээсээ холдуулаад над руу харж:
-Өглөөний мэнд, Нономияа-күн гэж ердийнхөөрөө инээмсэглэн мэндлэв. Бид нэг нэгнээ мэнд мэдэлцэх төдийхнөөр мэддэг тул жирийн үед бол бидний яриа ингээд л дуусах байлаа.
-Ямар нэг юм хайгаа юу? гэж би тэр өглөөний хувьд тэгээд л яриагаа дуусгахыг хүссэнгүй тул асуув. Би түүнийг “Аллагын жор”-г хайж байгаа гэж сэжиглэсэн тул миний сониуч зан хөдөлж, хумсын төдий ч сэтгэл хөдлөлийг нь алдахгүйн тулд би түүнийг анхааралтай ширтэв.
-Үгүй ээ, би зүгээр ширээгээ цэгцэлж байна.
Харамсалтай нь түүний инээмсэглэл огтхон ч өөрчлөгдсөнгүй.
-Аан гэж би түүнд хэлээд суудал руугаа явлаа. Бодит байдал төсөөллөөс хамаагүй уйтгартай юм даа.
-Гэхдээ... гэж тэр миний араас дуудаад –Яагаад намайг юм хайж байна гэж бодоов? гэж асуув. Би баярласандаа инээчихгүйн тулд хамаг хүчээ шавхах хэрэгтэй болов. Яг л миний олз урхинд өөрөө ороод ирсэн юм шиг санагдаж байлаа. Тэр юу бодож байсныг мэдэхгүй ч надад сонирхолтой амьдралын найдвар төрсөн тул сэтгэл хөөрч байв.
-Үгүй дээ, ямар нэг онцын шалтгаан байхгүй гэж айж байна гэж би хэлээд түүн рүү харж юу ч болоогүй царайлаад -Гэхдээ би ч бас чамайг яагаад асуух болсныг чинь мэдэж болох уу? гэж түүнийг хөнгөн туршихаар шийдэн асуув.
-Надад ч бас онцын шалтгаан байхгүй
-Аан
Түүний инээмсэглэл өөрчлөгдсөнгүй. Тэр инээмсэглэлийнх нь оронд зогтусан царцсан царайг нь харахыг юунаас ч илүүтэйгээр хүсч байсан ч арай болоогүй, тэсэх хэрэгтэй. Тамга хөзрөө эцсийн мөч хүртэл нь хадгалах хэрэгтэй.
-Хэрэв... ямар нэг зүйлд санаа чинь зовоод байвал надаас тусламж гуйж болно шүү
-Юу болоо вэ, Нономияа-күн. Би өөрийг чинь ийм эелдэг байхыг нэг л санахгүй байх чинь
-Би бодож байгаагаас чинь эелдэг хүн шүү. Үүнд итгэж болно
-Аан, намайг өршөөгөөрэй. Хэлснийг чинь санаж явах болно оо
-Миний гол зорилго бол эргэлзээгүй чам шиг алдартай охиныг надад өртэй болгох шүү дээ гэхэд Цүкимори хөхрөв.
-Баярлалаа. Асуудал тулгарвал шууд чамд хандах болно Нономияа-күн гэж Цүкимори хэлээд бор нүдээ нарийсган инээмсэглэхэд түүнийг ямар ч далд санаа агуулаагүй гэдэгт би итгэсэнгүй, эсвэл би тэгж бодохыг хүссэн ч байж болох л доо.

Ангийн багш Укаи орж ирсэн тул бидний яриа дуусав. Тэр өдөржингөө миний сэтгэл өөдрөг байлаа. Завсарлагаанаар Камогава болон найзууд нь миний Цүкиморитой юу ярьсан тухай шалгаах нь яршигтай байсан ч надад Цүкиморитой ярилцахад зугаатай, сэтгэл хөдлөм байсан тул үр дүн сайн байсан гэж тооцлоо. Яахав, миний өөрийн төсөөллөөс урган гарсан байж болох ч нэгэн хэвийн бодит амьдралаас хамаагүй дээр байв.

Ямар нэг шинэ мэдээлэл онцын өөрчлөлтгүйгээр миний тайван амьдрал үргэлжилсээр нэг л мэдэхэд зааврын талаар олж мэдсэнээс хойш хагас сар өнгөрсөн байлаа. Төсөөллийг минь сэргээх ямар ч үйл явдал болсонгүй тул миний сэтгэл хөдлөл буурч зааврын талаар бараг мартах шахаж байлаа. Би тамга хөзрөө гаргаагүй тул тоглоом чимээгүй зогссон байлаа. Үнэндээ өрөвдмөөр байдалд ороод байсан ч гэнэтийн өөрчлөлт тохиолдов. Магадгүй, тоглоом огт эхлээ ч үгүй байсан байж болох юм.
Сургууль дээр ирэхэд анги ердийнхөөрөө шуугиантай байсан ч Цүкиморигийн суудал хоосон, хаана ч харагдсангүй. Би гайхан хөшсөн боловч хариултыг нь удалгүй олж мэдэв.
-Хөөе, Нономияа чи сонссон уу? гэж Камогава асуув. Мэдээж түүний асуултаас юу ч ойлгоогүй тул:
-Үгүй ээ, сонсоогүй гэж би хариулав.
-Цүкиморигийн гэрт хүн нас барсан гэнэ
Миний зүрхний цохилт түргэсэхийг би мэдрэв.
-Хэн? гэж хөөрсөн сэтгэлээ дарахыг хичээн асуухад
-Аав нь л юм шиг байна. Машины осол гэнэ. Хөөрхий Ёоко-сан гэж Усами гунигтай царайлан хариулав.
-Тийм шүү. Би ч гэсэн өрөвдөж байна. Ийм насан дээр аавыгаа алдана гэдэг... гэж Камогава хүртэл ердийн байдгаараа биш гашуудсан царайгаар хэлэв. Ийм үед ингэх нь зөв байх л даа.
-Тийм шүү. Бүгдээрээ түүнд тусалцгаая
Ямартаа ч миний сэтгэл хөдлөл бусдынхаас тэс өөр байлаа. Ёоко Цүкимори, машины осол, үхэл. Энэ үгс намайг “Аллагын жор” луу шууд хөтөлж байв.
Би инээд алдахгүйг хичээн бүх хүчээ шавхлаа.
“Энэ ч сонирхолтой болж байна шүү”


Last edited by zolushka_717 on May.29.15 4:50 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 1:19 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: May.16.15 12:40 pm
Posts: 20
henii zohiol ve ner ni sarnie tuya yumuu


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 1:36 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Zohiolch n Natsuki Mamiya. Zohioliin ner n sarnii tuya


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 5:24 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Sonirholtoi ehelj bnshuu unshnaaa :)

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 6:32 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
2-р бүлэг "Амьдрал"

Эхний цаг англи хэл байлаа. Миний толгой Ёоко Цүкиморигийн аавын тухай бодлоор дүүрэн байсан тул хичээлд анхаарал хандуулахтай манатай. Багшийн нүднээс далдуур гар утсаараа мэдээний сайтыг шалгаж үзэх санаа төрсөн ч биеэ зөв авч явдаг сурагч гэж үнэлэгддэг байсан тул энэ санаагаа орхив. Хамгийн сайхныг хамгийн сүүлд нь гэж өөртөө дахин дахин сануулж зовлонт цагийг өнгөрөөгөөд завсарламагц ослын талаар олж мэдэхийн тулд номын сан руу хурдлав. "Өнөөдрийн сонин дээр хайх хэрэгтэй, хохирогч байгаа учраас сонинд ямар нэг зүйл нийтэлсэн байх ёстой"
Ослын талаар нийтлэх нь нийтэлжээ. Гэвч сонингийн жижигхээн буланд маш товчхон мэдээ байхыг хараад тэр дороо сэтгэлээр унаcaн ч уншиж эхэлмэгц хайж байсан түлхүүр үгнүүдээ олooд зүрхний цохилт түргэслээ.
“гэртээ харих замдаа уул өнгөрөөд”
“харах орчин хязгаарлагдмал тойрог зам”
“урьд нь осол гарч байсан”
“зам дэндүү налуу, өндөр хурдтай”
Эдгээр үгс Аллагын жорын "Авто ослын аллагын заавар”-г санагдуулж байлаа. Ёоко Цүкимори аллагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ гэсэн бодол миний сэтгэлийг эрхгүй хөөргөсөн ч ослын талаар төсөөлөхийг оролдоход өөрийн эрхгүй нуруу руу хүйт оргиж байлаа.
Дээрээс нь мэдээнд бичигдээгүй баримтууд ч бас их зүйл хэлнэ. Хэрэв цагдаагийн газар энэ ослыг аллага гэж тооцсон бол мэдээ ийм товч байхгүй, дээрээс нь би сургууль руу ирэхээсээ өмнө энэ талаар мэдсэн байх байсан. Эсвэл би бүгдийг буруу бодоод байна уу? Төлөвлөгөө хүүхэд бичсэн юм шиг бүдүүлэг, бүрдэл хэсгүүд нь сулхан, дуусгаагүй орхисон урхи шиг харагдaж байсан шүү дээ. Гэвч яг энэ сул талуудынхаа ачаар төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн байж болох биш үү? Ийм болхи төлөвлөгөөг хэн сэжиглэх билээ? Санамсаргүй осол гэж харагдаж байхад аллагын далд санааг яаж олж харах билээ?
Oслын баримтуудыг нэгтгэж үзээд цагдаа нар үүнийг жирийн авто осол гэж тооцож. Яг үүн шиг ангийн хүүхэд бүр Цүкимориг эцгээ алдсан хөөрхий охин гэж бодож байгаа. Хохирогч өөрөө ч түүнийг алуурчин гэж бодоогүй нь лав. Би ч тэгж бодохгүй байсан. Mэдээж надад аллагын заавар байгаагүй бол шүү дээ. Aнхнаасаа аз ивээх үгүйгээс шалтгаалж байсан болохоор төлөвлөгөө бүтэлгүйтлээ ч тийм ч том асуудал үүсэхгүй. Магадлал боломжийг бодох юм бол биелэх боломжгүй төлөвлөгөө. Гэвч яг л энэ гэмгүй гадаад байдал нь аллагын зааврын гол зорилго байж. Зааварт хөндлөнгийн нөхцөл байдлаас хамаарах хэд хэдэн төлөвлөгөө байсан. Тэгэхээр анхнаасаа бүтэлгүйтэж магадгүй гэдгийг тооцоолcон байж болох биш үү? Цүкиморигийн бай бол аав нь. Түүнтэй үргэлж ойр байдаг, тиймээс тоолж барамгүй олон боломж байсан байж таараа. Eрдөө бүдүүлэг таамаг боловч эдгээр аргуудаасаа оролдоод л байвал хэзээ нэгэн цагт аль нэг нь бүтэж л таарна биз дээ? Цүкимори яараагүй нь лавтай. Tүүний хувьд эрт орой нь ялгаагүй байсан байх.
Тэгээд ч анх зааврыг уншихад алахдаа гол нь биш алсныхаа дараа амьдрaлаа хэвийн үргэлжлүүлж болох зорилгоор бичигдсэн нь мэдэгдэж байсан шүү дээ.
Энэ тохиолдолд төлөвлөгөө биелэж. “ТӨГС АЛЛАГА” Цүкимори чаджээ.

Ингэж бодохоос өөр сонголт олдсонгүй. Гэвч энэ бүхэн миний уран төсөөлөл байж болох талтай, баттай гэх газаргүй. Би Цүкимориг бусдаас илүү мэдэхгүй шүү дээ. Тэгж яривал Камогава энэ тал дээр надаас илүү мэдлэгтэй.
Гэсэн ч энэ таамаглал бол ердөө л миний уран сэтгэмж, хэргийг жинхнээсээ илрүүлсэн биш гэдгээ ойлгож байсан ч яагаад ч юм худал төөрөгдөл гээд тэр чигт нь зөнд нь орхичихож чадсангүй.

Хичээлийн дараа Цүкиморигийн эцгийн талаар ангийн хурал болов.
-Бүгд Цүкиморигийн аав нас барсан гэдгийг мэдэж байгаа байх. Оршуулга маргааш үд дунд болно. Би тийшээ явах учраас маргааш 5-р цаг биологиийн хичээл бие даалтын цаг болох нь.
Укай багш бие даалт гэж хэлмэгц ангид баярын давалгаа цалгиллаа.
-Хөөе, ёс алдахаа больцгоо. Цүкимориг бодооч, аав нь өөд болчихоод байна.
Укай ширүүн дуугараагүй ч анги тэр дороо үхсэн мэт нам гүм боллоо. Сурагчдыг ингэж хүндээр хүлээж авна гэж гэж бодоогүй тул багш яриагаа өөрчлөн:
-Түүнээс гадна ангийн дарга нар ангиа төлөөлж оршуулганд явах болно. Найдлаа шүү. Хурал дууслаа гэж Укай яриагаа төгсгөхөд Усами гараа өргөн:
-Багш аа. Ангийн эмэгтэй дарга нь Ёоко шүү дээ гэхэд
-Аан, нээрэн тийм л дээ. Тэгвэл Усами чи явж чадах уу?
-Ойлголоо
-Нөгөө дарга нь Нономияа байх аа. Чи явна биз дээ
-Тэгье ээ гэж би тайвнаар толгой дохисон ч дотроо чимээгүйхэн баясан инээлээ. Би яг л үүнийг л хүсч байсан юм. Ингэж албан ёсоор оршуулганд оролцох боломж олдох юм гэж зүүдэлсэн ч үгүй.
Номын санд нийтлэл уншсаныxaa дараа Цүкиморигийн талаар илүү их мэдээлэл цуглуулмаар байсан тул оршуулганд яаж оролцох талаар бодож гайхaш тасраад байв. Эцэст нь ёслолд оролцох нь миний хэрээс хэтэрсэн хэрэг болохыг тооцож үзээд ядаж талийгаачийн хойтохыг гүйцээхэд нь очно доо гэж төлөвлөсөн байсан юм.

-Та хоёр хоёулхнаа юу. Шударга биш байна гэж Укай явсaн эсэхийг баттай шалгасныхаа дараа Камогава хэлээд Усами бид хоёр луу ээлжлэн муухай харав.
-Хичээл эхлэхэд хэн гээч хариуцлагагүй хүн намайг ангийн даргад нэр дэвшүүллээ? гэж би хэлээд ганцхан энэ удаад түүний хариуцлагагүй занд талархав.
-Мэдэхгүй ээ. Би өнгөрсөн лүүгээ эргэж хардаггүй хүн
-Чиний хариуцлагагүй байдал ч биширмээр юм аа. Сайнаар хэлээгүй шүү
-Нэр төрийн хэрэг байна. Камогавагийн сагсуу хариултанд худлаа мушийхаас өөр зам надад үлдсэнгүй.
-Камогава, энэрэх сэтгэлгүй амьтан. Багшийн хэлэхийг сонсоогүй юу. Наадахыг чинь ёс алдах гэдэг юм гэж Камогавагийн тоомжиргүй байдлыг хараад юм бүхэнд ноцтой ханддаг Усами уруулаа цорвойлгов.
-Усами, чи буруу ойлгоод байна. Би зүгээр л хайртай хүнээ алдсан ангийнхаа хүүхдэд санаа зовсон юм шүү дээ гэж Камогава шударга төрх үзүүлэн итгүүлэхийг оролдоход Усами:
-Наадах чинь худлаа. Чи далд санаагаа хэрэгжүүлэхийн тулд Ёоко-сантай уулзахыг хүсээд байгаа чинь илт байна гэж эсэргүүцэв.
-Үгүй ээ тэнэг ээ. Надад ямар ч далд санаа байхгүй. Би зүгээр л Цүкимориг энэ хүнд байгаа үед нь аргадаж дэмжихийг хүссэн юм гэж Камогава тэр дор нь няцаасан ч “-Гэхдээ яахав үүний хариуд Цүкимори надад дурлавал дургүйцэх зүйл үгүй л дээ хаха” гэв.
-Чи ч үнэхээр энэрэх сэтгэлгүй хүн юм даа Камогава гэж Усами мэгдэн өгүүлэв.
-Чихээ дэлдийлгэж бай даа, Камогава. Наадахыг чинь л далд санаа гэдэг юм гэж би хэлэв.
-Аахаа, ойлгомжтой. Сур сур бас дахин сур гэдэг байх аа гэж Камогава миний сануулгыг тоомсоргүй царайлан булзааруулав. Камогава ч засаршгүй амьтан юм даа.
-Чамайг ч бас далд санаа агуулаагүй гэж найдаж байна шүү, Нономияа? гэж Усами Камогавагийн найдваргүйг ойлгоод намайг шинэ байгаараа сонгов.
-Мэдээж үгүй. Би хүссэндээ биш ангийн дарга болохоор л явж байгаа юм гэж би хэлээд сулхан инээмсэглэв. “-Тэгээд ч би оршуулганы баргар байдалд дургүй. Болдог бол явмааргүй л байна”
-Тийм шүү. Би чамайг Камогава шиг биш гэж мэдээд байсан юм аа гээд Усами өөрөө магтуулсан аятай нүүр дүүрэн мишээв.
-Чи Нономияа бид хоёрт дэндүү ялгаатай хандаж байна. Үүнийг чинь гадуурхах гэдэг юм. Хэрэв би Америк хүн байсан бол чамайг шүүхдэх байлаа
-Даанч чи Япон хүн. Тэгээд ч чиний биеэ авч явах байдал Нономияагаас ялгаатай. Өөртөө л гомд
Хэдийгээр тэс өөр учиртай боловч би ч бас далд санаа агуулж байлаа. Yнэнийг хэлэхэд оршуулган дээр бүхий л төрлийн хүмүүсийг ажиглах завшаан олддог учраас би оршуулганд очих маш дуртай байсан юм. Tиймээс маргааш өдрийг дуртай дуучныхаа тоглолтонд явах гэж байгаатай aдилаар догдлон хүлээж байлаа.

3-р цагийн дараа Укай биднийг машиндаа суулган оршуулга руу авч явав. Тэнгэрт хумсын толионы ч үүл байсангүй цэв цэлмэг байлаа.
Замдаа Цүкиморигийн гэр бүлийн тухай багшийн ярианаас зарим нэг зүйл олж мэдэв. Тэр ээж, аавтайгаа амьдардаг, айлын ганц хүүхэд гэдгийг сонсоxoд гайхалтай байлаа. Учир нь Цүкимори насанд хүрсэн хүн шиг биеэ авч явдагаас болоод дүүтэй ч юм уу, ямар ч байсан хэн нэгнийг харж ханддаг байх гэж би бодож байсан юм.
Аав нь барилгын дизайны компанийн захирал. Манай аав тэр компанийн ойролцоо банкинд ажилладаг болохоор дараа ааваас асуух юм шүү гэж би дотроо бодлоо.

Оршуулгын товчооны үүдэнд бид шаардлагатай ёсыг гүйцэтгээд Цүкимори гэсэн хаягтай зааланд оров. Цэцгийн баглаануудыг хүмүүс харамгүй илгээсэн ба тэдгээрийг заалны үүдээр гартал эгнүүлэн тавьжээ. Энэ бүхнийг хараад надад яг л шинэ тоглоом авч байгаа мэт сэтгэгдэл төрж байв. Бүүдгэр, том заал гашуудлын хувцастай хүмүүсээр дүүрэн бөгөөд шүтээн нь урьд өмнө миний очиж байсан оршуулгуудтай харьцуулахад хамаагүй сүр жавхлантай аж. Бид зочдын суудалд суугаад ёслол эхлэхийг тэвчээртэй хүлээх зуур би Цүкимориг шүтээний ойролцоо хамаатан саднуудынхаа дунд сууж байхыг нь харцаараа хайж олов. Хажууд нь нэгэн эмэгтэй толгойгоо унжуулан суух бөгөөд Цүкимори түүнийг түшээд тайвшруулан нурууг нь илэх аж. Байгаа байдлаас нь үзэхэд тэр эмэгтэй ээж нь бололтой, Цүкимориг санагдуулсан үзэсгэлэнтэй хатагтай байв.
Юутай ч би Цүкиморигийн ямар тайван харагдаж байгааг хараад гайхахгүй байж чадсангүй. Гэнэт би нэг удаа Усамигаас охид яагаад Цүкимориг –сан гэж дууддагийг асууснаа нэхэн санав. Тэгэхэд Усами “-Ёоко-сан бидэнтэй чацуу байж болох ч эгч юм шиг харагддаггүй гэж үү?" гэж хариулсан юм. Тэгэхээр хэн нэгэн түүнийг Ёоко-сан гэж анх дуудсан цагаас хойш одоог хүртэл энэ зуршил өөрчлөгдөөгүй хэрэг. Үнэхээр ч одоо харахад хэн нь ээж, хэн нь охин гэдгийг ялган хэлэхэд хэцүү байв.
-Ёоко-сангийн өмнөөс үнэхээр их харамсаж байна гэхийг сонсоод хажуу тийшээ харвал Усами нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн сууж байв. Усами үргэлж бяцхан дүү шиг сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд үнэхээр ч дээрээ ахтай байлаа.
-Алив ээ, битгий уйл гэж би хэлээд нусны алчуур өгөв.
-Тэр ийм их уй гашууд автсан хэрнээ ямар тайван байгааг нь хараач. Би байсан бол ингэж... гээд Усами өгүүлбэрээ дуусгалгүй нусны алчуурыг аваад нүдээ арчив. Тэр ч нүдээ бүлцийтэл уйлах нь ойлгомжтой хэрэг.
Харин миний хувьд Цүкимориг аавынхаа үхэлд шаналж байгаа гэдэгтэй санал нэгдэхийг тэгтлээ яарсангүй. Цүкимори аавынхаа үхлийг хүсч байсан нь зөв бол тэр гашуудахын оронд баярлаж байх ёстой. Учир нь тэр тохиолдолд энэ оршуулга түүний аллагын төлөвлөгөө амжилттай хэрэгжсэний баярын үйл ажиллагаа болно шүү дээ.

Цаг явж, хүмүүс нэмэгдсээр нэг мэдэхэд заал гашуудлын хар хувцастнуудаар дүүрч, нэлэнхүйдээ хар өнгөтэй болсон байлаа. Хүмүүс оршуулгын товчооны ёсорхуу байдалд автан дуугаа намсган шивнэлдэнэ. Би цаг нөгцөөж, давхар хэрэгтэй мэдээлэл цуглуулах гэсэн зорилгоор нэг сумаар хоёр туулай буудахыг хичээн хүмүүсийг чагнахаар шийдэж, урд эгнээний 2 эмэгтэйн намуухан ярианд анхаарал төвлөрүүлэв. Боломж байсан бол тэдний яриаг дуртайяа бичиж авах байсан ч харамсалтай нь ёслол эхэлж яриа дундаасаа зогссон тул яах ч арга байсангүй.
Заал даяар ламын маань унших нь тодхон сонсогдоно. Энэ албаны уур амьсгал миний тархийг амрааж, өөрийн бодолдоо чөлөөтэй хөвөх боломж олгосон тул сая сонссон яриагаа дарааллуулан цэгцлэв.
Аавынх нь ажил хэрэг маш сайн байж. Бүсгүйчүүд эхлээд түүний царай төрхийн тухай ярилцсан ч нэгэнт Цүкиморигийн аав тул гайхах зүйлгүй байлаа. Шүтээн дээрх зургийг ганц харахад л жүжигчин юм уу даа гэж бодогдмоор байсан бөгөөд бүсгүйчүүдийн дунд алдартай байдаг нь ойлгомжтой байв.
Дараа нь тэд компани болон гэр бүлийн санхүүгийн байдлын талаар ярьж эхэлсэн. Бизнес нь тун ч сайн байсан тул амьдралынх нь түвшин ч өндөр байж. Одоо амьдарч байгаа байшингаа 2 жилийн өмнө шинээр барьсан бөгөөд барилгын дизайны бизнес эрхэлдэг хүний гэр гэхэд бүрэн зохицохуйц цогц дизайнтай аж.
Сүүлд нь гэр бүлийнх нь талаар ярив. Цүкиморигийн ээж аав хоёр хоёулаа эвсэг хүмүүс бөгөөд хөршүүдтэйгээ сайн харилцаатай байж. Хүүхнүүд бас Цүкимориг хүмүүжил сайтай, хөөрхөн охин гэж ярилцав. Би санаа алдлаа.
Шинэ зүйл олж мэдсэн нь сайн хэрэг боловч төсөөллийг минь ноцоочихмоор зүйл байсангүй. Нийтлэл миний сэтгэлийг хэтэрхий хөөргөж, оршуулганд өндөр найдлага тавьсан бололтой.
Би уртаар амьсгаа аваад биеэ хүчлэн өөрийгөө намуухан зааланд буцаан авчирлаа. Эцсийн эцэст миний хүсэн хүлээж байсан оршуулга шүү дээ. Хүмүүсийг тагнуулдаж болох энэ ховор олдох давуу талаа зүгээр өнгөрөөж болохгүй.
Битгий яар. Тоглоом хэр удаан үргэлжилнэ тэр чинээгээрээ сайн.

Шүтээний зүг харцаа бэлчээвэл Цүкиморигийн ээж нүдээ бүлцийтэл уйлжээ. Түүний цурхирах чимээ эргэн тойрондоо нөлөөлж, энд тэндгүй эмэгтэйчүүдийн мэгшин уйлах нь сонсогдоно. Усами ч уйлсан хэвээр.
Гэвч Цүкиморигийн нүдэнд ямар ч нулимс байсангүй. Түүний харц шүтээн рүү чиглээд хөдөлгөөнгүй тогтжээ.
Гашуудлын тас хар хувцас нь цав цагаан арьсыг нь тодотгон ялгарч, Цүкимори өөрөөсөө гэрэл цацруулж байх шиг санагдана. Талийгаач өөрөөс нь ч илүү, гоёмсоглон зассан шүтээнээс ч илүү, гаслан гуниглах ээжээсээ ч, ер нь энэ өрөөнд байгаа хэнээс ч илүү Цүкиморигийн нам гүм төрх л ганцаар сондгойрч байлаа. Тэр шөнийн сар шиг харагдаж байв. Гайхалтай үзэсгэлэнтэй.

Хайрцгийг гаргах цаг болж чанга боловч тогтуухан үлээх бүрээн дуунаар шарилын тэрэг хөдөллөө. Цүкимори хамаатнуудын хамтаар заалыг орхиж, чандарлах газар луу явав. Бид 3 түүнтэй хэдэн үг солихын тулд эргэж иртэл нь хүлээхээр шийдлээ.
-Та хоёр өлсөж байгаа биз дээ. Би өдрийн хоолоор дайлъя, гэхдээ бусдаасаа нууцлаарай за юу? гэж Укай хэлэхэд
-Тэгэлгүй яахав, Нономияа чи сонсов уу? гэж Усами огтхон ч биеэ барилгүйгээр баярлан дуу алдав. Сэтгэл санаа нь дэндүү хурдан өөрчлөгдөж байна шүү. Миний хувьд нууцад хамааралтай бүхэнд дуртай болохоор урилгыг мөн л дуртайяа хүлээн авав. Хэдэн мөчийн дараа бид оршуулгын товчооны ойролцоо мухлагт гоймонгийн шөл оочин сууж байлаа.
-Та хоёр мэдэхгүй байж болох ч, үхэл бол амьдралын салшгүй нэг хэсэг гэж Укай гэнэт гоймонгийн халуун ууранд нүдний шилээ цантуулан хэлэв. "-Цүкиморид ингэж хэлбэл хүндэтгэлгүй хэрэг болох ч, найздаа учирсан энэ ховор боловч гунигтай явдлын талаарх сэтгэгдлээ санаж яваарай гэх байна" гэхэд Усами дуулгавартайгаар толгой дохив. Түүний ам гоймонгоор дүүрсэн байх бөгөөд яг л хэрэм шиг харагдана.
-Тийм шүү. Энэ явдал надад бидний амьдрал хязгаартай, тийм ч учраас үнэ цэнэтэй гэдгийг санууллаа гэж би багшийн хажууд байгаагаа санан болгоомжтойгоор хэлэв.
-Нономияа, чи мундаг юм аа гэж Усами гоймонгоо залгиад нүдээ бүлтийлгэн намайг магтав.
-Мэдээж, би чам шиг ёслолын турш уйлаагүй юм чинь
-Надад... надад ч гэсэн бодох зүйл байсан юм
-Жишээ нь?
-Айн? Аа... нөгөө... түүнийг өрөвдсөн...
-Өөр?
-...Түүнийг өрөвдсөн
-Чи наадахаа хэлчихсэн шүү дээ
-Үгүй ээ, чи буруу ойлгоод байна. Yнэндээ би зөндөө их зүйл бодсон. Зүгээр л би чам шиг сайн илэрхийлж чадахгүй байна гэхэд Укай инээд алдан:
-За за, та хоёр хоёулаа тус тусынхаараа бодсон гээд тооцчихъё за юу. Нономияа дүгнэлт талаас нь Усами сэтгэл хөдлөл талаас нь гэж бидний маргааныг багш шиг таслав.
Амьдрал хязгаартай учраас сонирхолтой. Яг хэзээ төгсөхийг нь мэдэхгүй учраас сэтгэл догдолж, амьд байгаагаа илүүтэйгээр мэдэрдэг. Үхлийг өнгөц харахад муу зүйл шиг санагдах ч өөрийн гэсэн утгатай. Амьдралын эсрэг үзэгдэл боловч түүнийг үнэ цэнэтэй болгож байдаг. Ертөнцийн бүхий л зүйлс энэ маягаар явагддаг байх. Эрдсэл дагуулсан аллагын зааврын нөлөөнд автсан миний хувьд, энэ мөчид урьд хэзээ ч байгаагүйгээрээ амьд гэдгээ мэдэрч байлаа.

Цүкимориг зааланд эргэж ирэхэд бид мэнд мэдэлцсэний дараа багш эмгэнэж байгаагаа илэрхийлээд:
-Хичээлдээ санаа зоволтгүй дээ. Яараад яахав, тайвширсныхаа дараа ирж болно.
-Санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ би нөгөөдрөөс сургуульдаа явна гэж бодож байгаа. Сатаарахад минь тусалж магадгүй гээд Цүкимори сулхан инээмсэглээд “-Ээжид энэ бүхэн маш хүнд туссан тул ганцааранг нь орхихдоо санаа зовж байгаа ч, ээж аав хоёрын ах дүү нар хэсэг хугацаанд харж хандана гэж амласан” гэлээ. Цүкимори ойрын үед сайн унтаж амраагүй бололтой туйлдаж, ядарсан харагдаж байв. Хичнээн зохисгүй, бүдүүлэг зүйл болохыг нь мэдэж байгаа ч миний зүгээс гашуудлын хувцаснаас тодорч харагдах түүний цагаан царай сургууль дээрхээс үзэсгэлэнтэй харагдаж байгаа талаар бодохгүй байж чадсангүй.
-Ойлгомжтой. Ямар ч байсан өөрийгөө хүчлэх хэрэггүй, зөвлөгөө хэрэгтэй бол надад хандаарай гээд Укай түүний мөрийг зөөлөн алгадав.
-Ирсэнд баярлалаа, Чизүрү, Нономияа-күн.
-Ангийнхан бүгд чамд санаа нь зовж байгаа
-Маш их талархаж байна
-Ёоко-сан... Усами Цүкиморигийн эр зоригт уярсан бололтой хариугуй уйлахын даваан дээр байв. Би толгой руу нь зөөлөн хатгаад:
-Жаахан тайвширсан нь дээргүй юу. Ёс журмын дагуу эмгэнэл илэрхийлмээр байгаа биз дээ? гэхэд
-Тэгэлгүй яахав гэж Усами нулимстай нүдээрээ толгой дохиод “-нөгөө... Ёоко-сан, энэ бүхэн хүнд байгаа ч, гэхдээ... нөгөө... энэ бүхэн хүнд байгаа ч... гээд Усами өгүүлбэрээ дуусгасангүй тэсэлгүй уйлж эхэлэхэд Цүкимори Усамигийн толгойг тэврэн тайвшруулав.
-Баярлалаа, Чизүрү. Надад ингэж санаа тавьж байгаад чинь үнэхээр баяртай байна гээд халамжтай том эгч шиг толгойг нь илээд “-Чиний төлөө санаа зовох хүн байвал өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй" гэж шивнэв. Үүний дараа тэр дахин дахин Усамид талархсаар байсан бөгөөд энэ мөчид миний нүдэнд энэхүү эелдэг зөөлөн, турьхан охин аллага төлөвлөж суухаар харагдсангүй.


Last edited by zolushka_717 on May.29.15 4:51 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 10:03 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
3-р бүлэг "Сэтгэлээ илчилсэн нь"

Хоёр өдрийн дараа Ёоко Цүкимори хичээлдээ ирэв. Нөгөө ангийнхан хүртэл түүний барааг харахын тулд ангид цугларан овооролдож, ар араасаа эмгэнэл илэрхийлэн өрөвдсөн царай гаргаж байлаа.
-Чамайг байхгүйд сургууль яг л саргүй шөнө шиг байлаа. Цоглог байж миний харанхуй замыг урьдынх шигээ гэрэлтүүлээрэй гэх Камогавагийн хоолой ангийн гүнээс тодхон сонсогдоход би Камогаваг харанхуйд бүдчин усны шуудуунд унаж байгааг нь харахыг ямар их хүссэн гээч.
Камогава болон бусад хөвгүүд түүнд аятайхан харагдахыг байдгаараа хичээн яриа өднө. Охидын эмзэг байгааг нь ашиглан өөртөө татахыг оролдох нь ердийн үзэгдэлд тооцогддог байж болох ч би тэдний энэ өрөвдөлтэй, гутамшигтай байдлыг харж чадахгүй байлаа.
-Чи ч яруу найрагч юм аа Камогава-күн. Санаа тавьсанд баярлалаа.
Гэтэл Цүкимори тэдэнд дээд зэргээр эелдэг хандаж байлаа. Муухай харах нь бүү хэл бүр инээмсэглэх аж. Би түүнийг яагаад тийм алдартай байдгийг нь дахин нэг удаа ойлгов. Ихэнх хүмүүс түүн шиг ингэж биеэ авч явж чадахгүй. Ямар ч байсан би лав тэгж чадахгүй. Надад хөндлөнгөөс харах төдийд л төвөгтэй санагдаж байсан юм чинь.
Гэтэл зочдын давалгаа зогсмогц Цүкимори сандлаасаа босч, яагаад ч юм миний зүг инээмсэглэн ирлээ.
-Чи над дээр ирнэ гэдэг сонин хэрэг байна даа
-Гэхдээ чи аавын минь оршуулганд ирсэн шүү дээ. Би талархлаа илэрхийлэх гэсэн юм гээд тэр Усамигийн хоосон сандал дээр суугаад над руу баясгалантайгаар инээмсэглэв.
-Ирсэнд баярлалаа, Нономияа-күн
-Үгүй дээ, би талархал хүртээд байхаар зүйл хийгээгүй. Ердөө л ангийн даргын үүргээ гүйцэтгэсэн төдий.
-Би үргэлж тоомжиргүй байдаг царайг чинь хараад яагаад ч юм сэтгэл минь дээрдсэн болохоор талархалгүй яахав.
-Өө, тийм цэвдэг байсанд уучлаарай. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд чамд санаа зовсон шүү. Анзаараагүй чинь тун тоогүй гээд би тавгүйтэн мөрөө хавчихад Цүкимори хөгжилтэйгөөр инээд алдан:
-Би чамайг тэгж боддоггүй гэв.
-Гэрт чинь бүх зүйл намжсан уу?
-Зарим нэг санаа тавих зүйл үлдсэн ч, одоогийн байдлаар бол тийм ээ
-Ойлгомжтой. Чиний хувьд хэцүүхэн өдрүүд байсан байх. Чи манай хүндтэй сурагч болохоор сургууль ч бас амаргүй байсан биз гэхэд Цүкимори үсээ намируулан толгой сэгсрэв.
-Надад бүгдээрээ санаа тавьж байгаад би талархаж байна
-Бүгд чиний төлөө анхаарч байгаа нь ч сайхан хэрэг л дээ. Гэхдээ хязгаартай байх хэрэгтэй биз дээ? Галзуу шүтэн бишрэгчид чинь төвөгтэй биш байна гэж үү? Ялангуяа Камогава.
-Хөвгүүдийн тэр хөөрхөн занд би үнэндээ дуртай шүү.
Би түүнийг сандаргаж, жинхэнэ бодлыг нь мэдэхийг оролдсон ч Цүкиморигийн инээмсэглэл яг л төмөр хана шиг өөрчлөгдсөнгүй үлдэв.
-Чиний насанд хүрсэн мэт байдал ч биширмээр юм аа
-Намайг тэгж харж байгаад чинь би баяртай байна шүү, Нономияа-күн.
Тэр миний утгагүй үгсийг хүртэл баясгалантайгаар хүлээж авч байв. Гэтэл гэнэт:
-Нономияа-күн гэж Цүкимори миний нэрийг дуудаад:
-Чи амлалтаа санаж байна уу? гэж асуув.
-Амлалт аа?
Би түүнд ямар нэгэн амлалт өгсөн эсэхээ санахгүй байв.
-Хэрэв надад асуудал тулгарвал... гэж Цүкимори цухуйлгахад тэр нэг өглөө болсон ярианыхаа талаар би санаад:
-Аан, тийм гэж дуугарав.
-Тийм ээ, тэр амлалт чинь
-Тийм ээ, би амласан болохоор миний туслаж чадах зүйл байвал тэгэлгүй яахав.
Нэгэнт би өөрөө овоогоо босгосон болохоор яах ч арга байсангүй. Гэсэн ч ядаргаатай юм битгий гуйгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүсч байв.
-Энэ ангид ярилцахаар зүйл биш л дээ гэж Цүкимори надаас өөр хэнд ч сонсогдохооргүй намуухан хоолойгоор тайлбарлахад миний хамаг бие хөлийн хуруу хүртлээ чангарахыг би мэдрэв.
-Хичээлийн дараа би номын санд хүлээж байя гэж Цүкимори шивнээд эрхэмсгээр үсээ намируулан ангийг орхин гарлаа.
Би бодож байснаасаа ч илүү түгшсэн бололтой алга минь хүртэл хөлөрчээ. Түүний энэ сэжигтэй байдал надад тэр даруй аллагын жорын талаар санагдууллаа.
Миний бүхий л биеийг сониучирхал эзэмдэхийг мэдрэн, эцэст нь одоо л энэ бүхний учрыг олох цаг ирсэн юм шиг санагдав. Гэвч хэн ч, Цүкимори ч тэр надад аллагын жор байгааг мэдэх ёсгүй тул гэнэт дотор сэрдхийв.
Ингэж сандарч байгаагаа харвал болгоомжлох сэтгэл сониуч зангаас минь хүчтэй байгаа бололтой. “Хэрэв Цүкимори надад аллагын заавар байгааг мэдсэн бол яах вэ?” гэж би дотроо бодоод байж болох тун ч тааламжгүй хувилбарыг төсөөлөв.
Аавынх нь оршуулга ямар нэг будилаангүй болж өнгөрсөн. Одоо тэр эмгэнэлт жүжгийн гол баатар болж, хүн болгоны анхаарлын төвд байна. Түүний аль нэг төлөвлөгөө нь бүтэлгүйтэв үү? Болсон бүхнийг дүгнэн үзвэл, бүх зүйл түүний санаснаар болсон байх ёстой. Гэвч түүний замд хоёр л зүйл садаа болж байгаа. Нэг нь алга болсон аллагын жор. Нөгөө нь аллагын жорыг уншсан би. Энэ хоёр аюултай хэсгийг үгүй хиймэгц түүний төгс аллага биелэж, өөрийн “төгс ертөнц”-ийг эргүүлэн олох болно.
Тэр намайг цаг нь болохоор алах гэж байгаа байх.
Миний зүрхний цохилт түргэсч, шүлсээ залгив.
Дараа нь инээд алдлаа.

Би үхэхийг хүсэхгүй байсан нь мэдээж. Утгагүй бодол гэдгий нь мэдэж байсан ч тэр намайг яаж алах бол гэж бодохоос тэсгэлгүй хорхой хүрч байлаа. Над шиг хүнд ийм хүчтэй сэргээш өөр хаанаас олдох билээ. Дээрээс нь өрсөлдөгч минь өнөөх Ёоко Цүкимори байдаг. Үүнээс илүү байна гэж байх уу даа.
Энэ бол миний 17 жилийн минь амьдралд тохиож буй хамгийн сайхан цаг мөч.

Би гүнзгий амьсгаа аваад номын сан руу орлоо.
Өрөөнд хатсан навч шиг хуурай цаасны үнэр тархжээ. Энэ үнэрт би дургүй бишээ. Өөр үед бол дуртайяа номын сангаар аялах байсан ч одоо биш.
Би хэдийгээр тайван алхалж байсан ч нүдээрээ Цүкимориг зогсолтгүй хайж байв. Удаа ч үгүй түүнийг ширээний ард суугаад гоёмсог хавтастай ном уншиж байхыг нь олж харлаа. Хичээл тарсан, тэгээд ч номын сан болохоор чимээгүй байх нь аргагүй ч Цүкиморигийн эргэн тойронд бүр ч нам гүм байх тул надад гэнэт огт өөр газар хүрээд ирсэн юм шиг санагдав. Түүний илбийн мэт гэгээн төрх ойртоход хэцүү болгох тул би амьсгаагаа даран зогтусав. Түүний урт сормуустай нүд анивчих тоолонд нь зөөлнөөр нээгдэж хаагдан, үе үе номын захад гараа хүргэн хуудсаа хөнгөхнөөр эргүүлнэ. Тэр яг л хүний гараар биш бурхны мутраар бүтээгдсэн шилэн баримал шиг харагдаж байв. Түүний энэ төрхийг жаазалж авч болдог бол би хамгийн баян хүн болох байсан даа.
-Дахин хэлэхэд ойрын өдрүүд чамд амаргүй байсан байх гэж би өөр хүн байхгүй эсэхийг шалгасныхаа дараа хэлээд номын тавиур налж:
-Аавыгаа “ослоор” алдсан шүү дээ гэж үргэлжлүүлэхэд Цүкимори номоо хаагаад аажуухнаар над руу эргэв.
-Тийм ээ. Ялангуяа ээжид минь их хүнд туссан. Би түүнийг хэзээ ч ийм уруу царайтай байхыг нь хараагүй гээд ядарсан байртай сулхан инээв.
-Харин чи?
-Уучлаарай. Гэхдээ би энэ талаар ярихад одоохондоо бэлэн биш байна гэж Цүкимори шаналсан янзтай толгойгоо сэгсрэв. Тэр хариултыг булзааруулж байна.
-Үгүй дээ, ийм асуулт тавьсан нь миний зүгээс бүдүүлэг хэрэг боллоо. Өршөөгөөрэй гээд би толгойгоо бөхийлгөв.
-Ингэхэд, нөгөө хүсэлт чинь юу юм? гэж би уртаар амьсгаа аваад гол асуудалдаа оров.
-Тусгайлан номын санд дуудахыг бодоход тийм ч амар хэрэг биш бололтой?
-Чи надад асуудал гарвал тусламж хүсч болно гэж хэлсэн
-Тийм ээ, тэгээд чи надаас зөвлөгөө авна гэсэн
-Яг тийм. Тийм учраас Нономияа-күн, надад туслаач гээд уянгалаг хоолойгоор:
-Надтай үерхээч гэв.

Түүний энэ гэнэтийн үгийг сонсоод миний ухаан балартах шиг болов. Буруу сонссон эсэхээ нягтлахын тулд:
-Юу гэнэ ээ? гэж асуухад Цүкимори:
-Инээдтэй биш байна гээд толгойгоо сэгсрэв.
-Би түрүүн бүдүүлэг аашилж, ёс алдсан зүйл асуусан тул надад чамайг шүүмжлэх эрх байхгүй л дээ. Гэхдээ чи аавыгаа хэдхэн хоногийн өмнө алдсанаа мэдэж байна уу?
Цүкиморигоос ялгаатай нь би тайван дүр үзүүлэхийн тулд байдгаараа хичээх хэрэгтэй болов. Толгойд юу ч орж ирэхгүй байсан тул түүний ямар санаатайг мэдэхийн тулд хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж байлаа.
-Намайг ухаанаа алдчихаж гэж хэлэх гээ юу?
-Тийм ээ
-Тэгвэл буруу бодож байна. Чухамдаа аав минь байхгүй болсон учраас л надад намайг дэмжих хүн хэрэгтэй гэж бодсон юм. Сэтгэлийн дэмжлэг. Романтик биш гэж үү? Би хүн бүрийн боддог шиг тийм хүчтэй хүн биш шүү дээ гэж Цүкимори хэлэв.
Мэдээж энэ шалтгаан зөв байсан ч олон зүйл тохирохгүй байлаа.
-Тэгвэл яагаад би гэж? Яагаад чам шиг алдартай охин над шиг хүнийг сонгож байгааг нэг л ойлгохгүй байна гэхэд Цүкимори инээд алдав.
-Би чамайг ийм болхи гэж мэдсэнгүй шүү, Нономияа-күн. Эмэгтэй хүнээс яагаад сэтгэлээ илчилснийг нь асууж байгаа бол эмэгтэй хүнийг чи огтхон ч ойлгодоггүй бололтой.
Түүний байгаа байдал уурыг минь хүргэв.
-Чи ч бас эрэгтэй хүнийг ойлгодоггүй бололтой. Ядаж л миний хувьд бол хэн нэгэн хөөрхөн охин хаанаас ч юм гарч ирээд гэнэт үерхэхийг гуйхад ямар ч эргэлзээ төрөхөөргүй тийм амар хүн биш шүү. Гоё сайхан санал болгон цаанаа ямар нэг далд санаа агуулж байдаг. Тийм биз дээ гэж би түүнийг шоолон инээмсэглэж хариуг нь барив.
-Тийм гэж үү? Би бүх хөвгүүдэд охид тэднийг гуйхад хэзээ ч муухай санагддаггүй гэж бодсон юмсан.
Түүний хоолойд сонсогдох итгэлтэй байдал хэсэг зуур намайг хэлэх үггүй болгов.
-Бид баяртай байдаг нь үнэн л дээ. Гэхдээ хариултын тухайд бол өөр хэрэг.
Би зөвшөөрөхийг хүсэхгүй байсан ч түүний зөв байлаа. Хүн болгон атаархах энэ саналын талаар би санамсаргүй онгирч орхиж. Бидний туршлагын ялгаанаас болсон юм болов уу? Хайрын тухайд бол би байхгүй гэж хэлэхэд ч багадахаар тун ч туршлагагүй байлаа.
-Чамд таалагддаг охин байдаг юм уу, Нономияа-күн? гэж гэнэт Цүкимори захиалга авч байгаа зөөгч шиг тун ч амархан асуув.
-Байхгүй.
Усамигийн царай хормын төдий миний нүдэнд үзэгдсэн боловч 1-т түүний тухай дурдаж болох хэмжээгээр би түүнд сайн биш, 2-т би тэгж үнэнчээр хариулт өгөх шударга хүн биш байлаа.
-Тэгвэл үерхдэг охин байгаа юм уу?
-Асуултын чинь дараалал буруу байгаа юм биш үү? Эсрэгээрээ баймаар юм.
-Тийм гэж үү? Гэхдээ хүн хайргүй хүнтэйгээ үерхдэг байж болох биш үү? гэж Цүкимори гайхсан царайгаар хариулав.
-Хөвгүүд яагаад чиний тухай цуурхал үнэн байж магадгүй гэлцдэгийг одоо л ойлгож байна гээд би мөрөө хавчив.
-Тэд бол ердөө л цуурхал төдий. Харин чи тиймэрхүү зүйлсийн нөлөөнд автах хүн биш шүү дээ Нономияа-күн
-Яаж мэдэж байгаа юм? Онцгүй цуурхалд өртвөл би ч гэсэн өөрийн үйлдлээ хянаж эхэлнэ
-Хүсвэл би аль нь үнэн, аль нь худал гэдгийг хэлье. Харин оронд нь...
-Үерхэх болзол тавих гээгүй гэж найдъя
-Бидний бодол таарч байна шүү гэж Цүкимори огт ичсэн шинжгүй харин ч эсрэгээрээ баяртайгаар инээмсэглэн хэлэв.
-Би ийм шударга бус нөхцлийг хүлээж авахгүй.
Би бүр мэл гайхаж цэл хөхрөв.
-Чамайг ийм охин гэж огт мэдээгүй юм байна
Тэр намайг эхнээсээ аваад эцэс хүртэл өөрийнхөө хөгжмийн хэмнэлээр бүжиглүүлж байв. Миний төлөвлөсөн боломжит бүх хариулт ар араасаа ашиггүй боллоо.
-Энэ миний чамайг хүндэлж байгаагийн илэрхийлэл Нономияа-күн. Миний үерхэхийг хүссэн хүн бол чи. Чамд зөвхөн гадна талаа харуулах нь илүүц бололтой
-Хүндлэлийг чинь үл тоомсорлосонд уучлаарай. Гэхдээ намайг татгалзаж магадгүй гэж огт бодсонгүй юу?
-Би хүссэн зүйлээ авахын тулд зарим нэг алдагдлыг хүлээн зөвшөөрнө. Шархдахаас айгаад байвал хүссэнээ өөрийн болгож чадахгүй шүү дээ. Тэгээд ч хэдэн хөзөр дэлгэлээ гэхэд надад алдагдал болоод байхгүй л дээ
-Дээд зэргийн өөртөө итгэх итгэл. Ангийн охид чамайг –сан гэж дууддагт гайхах зүйл алга
-Би ч бас чамайг ийм баригдмал хүн гэж мэдсэнгүй. Аливааг урсгалаар нь явуулдаг хүн гэдэгт чинь итгэлтэй байсан юм
-Би бодож байгаагаас чинь илүү мэдрэмтгий. Бас зөрүүд. Ямар ч утгагүй эсвэл өөрийн хүлээн зөвшөөрөөгүй зүйлд оролдцдог хүн биш
-Зүгээр л сонирхлыг чинь татаагүй зүйлээ хийхийг хүсдэггүй хүн биш гэж үү?
-Үгүйсгэхгүй ээ. Ямар ч байсан би чамтай үерхвэл миний тайван амьдрал алга болно. Би бусдын анхаарлыг татсан идэвхитэй амьдралаар амьдардаггүй. Тэгээд л л тэр
-Ийм зөрүүд байдаг чинь тун тоогүй юм Нономияа-күн гэж тэр хэлээд чимээгүй болов.
Гадаа спортын дугуйлангийнхан хашхиралдах нь энэ чимээгүй номын санд сонсогдож байвч, Цүкимори нарийхан хөлөө солбиход банзлых нь сэржигнээн дуулдаж байсан ч эдгээрийг үл харгалзан бидний хооронд зовиуртай нам гүм ноёрхож байлаа.
Цүкиморигийн харц агаарт зорилгогүй хэсүүчлэн ямар нэг зүйлийн талаар тээнэгэлзэж байх шиг байв. Киноны үзэгдэл шиг түүний энэ ялихгүй хөдөлгөөн бүр нь цагийг хөгжөөн намайг уйдаахгүй байлаа. Гэтэл түүний уруул хөдлөн:
-...хэрэв би яагаад чамайг сонгосноо хэлбэл хүсэлтэнд минь илүү нээлттэй хандах уу? гэж асуув.
Би шүлсээ залгив. Миний төсөөллийн дагуу бол тэр шууд гол асуудалдаа орж аллагын заавар надад байгаа учраас намайг сонгосон гэж хэлэх байв. Мэдээж энэ хариулт ямар ч утгагүй боловч Цүкимори урьдчилан таамаглах аргагүй хүн тул цаашид огт боломжгүй гэсэн томъёо үгүй болсон байв. Цүкимори нүүрэмгий, шийдмэг охин байж. Yүнээс гадна хамгийн гол нь гайхмаар хурц ухаантай.
Ийм нэгэн охин над руу гэнэт хандаж ирсэн тул түүний надтай үерхэх хүслийн цаана ямар нэг заль байгаа гэж сэжиглэхгүй байх аргагүй байв.
-Одоо байгаагаасаа илүү гэж би болгоомжтой хариулав. Тэр нэг нүдээ анин над руу сахилгагүй гэгч нь инээмсэглэн харж байсан тул би үгээ арайхийн дуусгав.
-Чи их царайлаг. Хэрэв ийм өөнтөгч байгаагүй бол бүр дээр байх байлаа.
Түүний хариулт дэндүү шулуухан байсан тул би бараг газар савж унах шахсан ч биеэ барьж, хариу цохилтонд бэлдэв.
-Ямар сонин тохиолдол вэ? Би ч бас чамайг муугүй гэж боддог. Гэхдээ ааш занг чинь тооцохгүй бол шүү дээ.
-Тэгвэл бид сайхан тохирсон хос болох нь ээ?
-Муу утгаараа бол тийм ээ
Цүкиморигийн зогсолтгүй үргэлжлэх хошигнол намайг бүрэн тайвшруулав. Түүнийг аавыгаа алсан алуурчин гэж сэжиглэж байсан минь гэнэтхэн маш тэнэг, ичмээр явдал шиг санагдлаа.
Ёоко Цүкимори нүүрэмгий, шийдэмгий охин гэдэг нь үнэн ч огтхон ч тэнэг амьтан биш гэдэг нь тодорхой. Хэрэв тэр аавыгаа хэрэггүй амьтан гэж үзсэн бол түүнийг алахаас өөр өчнөөн янзын аргаар ангижирч чадах л байсан.
Тэгээд ч аллага үйлдсэн хүн ийм тайван байж чадна гэж үү? Тэр жигтэй сонин охин гэдэг нь үнэн боловч түүнээс ямар ч хорон санаа, өчүүхэн төдий ч хар сүүдэр мэдрэгдэхгүй байлаа.
Гэнэт миний шанааны үсэнд ямар нэг зүйл хүрэхэд би өөрийн эрхгүй арагш бултан зайлав.
-Уучлаарай.
Цүкимори сандлаасаа босчихсон тэгшхэн цагаан хуруугаа над руу сунгасан байхыг би олж харав.
-Үс чинь гоё харагдаад хүрч үзэхийг хүссэн юм гээд Цүкимори сэтгэл татам инээмсэглэхэд яг л сарны туяа шиг үзэсгэлэнтэй харагдав.
Миний нуруугаар хүйт оргив. Бид ижилхэн ертөнцөд амьдардаг гэхэд үнэхээр итгэмээргүй юм.
-Энэ тухай сайн бодож үзээрэй, гуйя гэж Цүкимори хэлээд хаалга руу зүглэв. Хажуугаар минь зөрөх үед түүний үс миний хацрыг гижигдэн илбэж, сарнай цэцгийн үнэр үлдээв.
Би уг нь түүний талаар илүү ихийг олж мэдэх төлөвлөгөөтэй байсан ч Ёоко Цүкимориг өмнөхөөсөө ч бага мэддэг болсноо гэнэт ухаарлаа. Энэ үед би Камогавагийн дарсны зүйрлэлийг санав. Тийм ээ, үнэн юм гээч. Би Ёоко Цүкиморигийн үнэрт согтсон байлаа.


Last edited by zolushka_717 on May.29.15 4:52 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 10:27 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1468
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Sonirxoltoin bn

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.24.15 10:48 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Japanii zaluus osvor nasnihand zoriulagdsan setguuld tsuvralaar niitlegddeg urgeljilsen ugiin light novel gedeg angilald bagtdag zohiol. Sarnii tuya zohioliin huvid niit 11 bulegtei bogood ene n hamgiin bogino hemjeeniih gesen ug gj oilgoj bolno. Bi japan hel medku bolhoor englishruu orchuulagdsanii n horvuulj bga ym. Suuliin 3 bulgii n orchuulaagui bga. Busad n bolchihson


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 12:12 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Huuh buur orchuulj bgamu, uneheer ih bayarlalaa. Mash sonirholtoi bas unshihad uramtai saihan orchuuljee :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 12:18 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Bayrlala. Humuus unshij l bval nadad bas orchuulahad uramtai bh bolnoo


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 1:20 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Yamar sonirholtoi um be! Death note sanaand orchihloo :wd: bayarlalaa. Daraagiin bulegiig tesen yadan huleej baina

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 1:25 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: May.16.15 12:40 pm
Posts: 20
unshij bgaa shuu


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 10:48 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
4-р бүлэг "Кафед"

Гэнэт Цүкимори миний ширээнд дөхөж ирээд нарны гэрэл модны навчис нэвтлэн бүдэгхэн туяарах шиг дулаахан инээмсэглэн, зуны сэвшээ салхи шиг намуухан хоолойгоор:
-Явцгаах уу, Нономияа-күн? гэж хэлэхэд чимээ шуугиан дүүрэн байсан ангид гэнэтхэн цаг хугацаа царцчих шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөв. Бүгд хийж байсан зүйлээ орхиод бидний зүг харахад цагийн зүүг хөдөлгөсөн эхний хүн Усами байлаа.
-...аа, Ёоко-сан? Чи Нономияатай цуг явах гэж байгаа юм уу? Яагаад? Аааайн?
Түүний гайхан зогтуссан царай үүрнээсээ гарч ирж цаг зарладаг жижигхэн тоглоом шиг харагдаж байв.
-Би Нономияа-күнгийн ажилладаг кафе их тухтай гэж дуулсан болохоор очиж үзэх гэсэн юм. Та нарын мэдэж байгаачлан ойрын үед би их завгүй байсан болохоор жаахан ядраад, кафед нь зочилж аяга цай уунгаа амсхийе гэж Нономияа-күнгээс гуйсан юм гэж хариулахыг нь сонсвол Цүкимори анги даяар биднийг харж байгааг анхааралдаа авсан нь ойлгомжтой болов.
-Энэ үнэн үү, Нономияа-күн?
Би дараагийн асуултын бай болно гэдгээ хэдийн таамагласан тул:
-Үнэн гэж хариулаад сэтгэл дундуур байгаагаа ямар ч байсан нууж чадлаа.
-Магадгүй... би хамт явж болох юм гэж Усамигийн бувтнахыг сонсоод би Цүкимори ганцаараа хангалттай зовлон болоод байхад тэр хоёрыг хоёуланг нь нэг зэрэг аргалж чадахгүй нь ойлгомжтой тул бараг ухаан алдах шахав.
-Чи дугуйландаа явах ёстой биз дээ?
Усами воллейболын дугуйланд явдаг байв. Жижигхэн биедээ зохимгүй хүчирхэг гартай тул түүний довтолгоо хөвгүүдийг ичихэд хүргэдэг байв. Биеийн тамирын хичээл дээр би түүний довтолгоог хараад нэг баг болсондоо сэтгэл минь ямар их уужирч байснаа мартаагүй тул энэ тухай сайн мэдэж байлаа.
-Би...би... тасалчихъя
-Болохгүй ээ. Чи багийн үндсэн тоглогч болохын даваан дээр байна гэж саяхан хэлж байсан шүү дээ. Энэ чухал үед дугуйлангаа тасална гэдэг чинь ухаангүй хэрэг гэхэд Усами уруулаа жимийн, хөмсгөө зангидан зөрүүдлэв.
-Дараа хамт явъя, Чизүрү. Кафе хаана байдгийг би өнөөдөр тогтоочихоод чамд хэлье за юу? гэж Цүкимори түүнийг халамжтай эгч шиг эелдэгээр ятгахад Усами дуулгавартайгаар толгой дохин
-За за гэв.
Ингээд ямартаа ч нэг асуудал шийдэгдсэн ч одоо үлдсэн асуудлаасаа салах хэрэгтэй тул:
-Чи ганцаараа явах чинь үнэн биз? Бөөн хүүхдүүд дагаж явах юм бол кафед төвөг учруулахаас цаашгүй тул надад татгалзахаас өөр арга алга гэж би энэ нөхцлийг биелүүлсэн тохиолдолд л түүнийг авч явахаа мэдэгдсэн анхааруулга болгон хэлэхэд
-Санаа зовох хэрэггүй дээ. Манай ангийнхан бусдад төвөг учруулахааргүй сайн хүүхдүүд шүү дээ гэж Цүкимори ялдамханаар инээмсэглэн батлаад:
-Маргааш уулзацгаая гэж ангийнхан руу эрхэмсгээр гараа даллав. Тэд энэ боломжийг хэзээ ч алдахгүй байх байсан ч Камогава тэргүүтэй хөвгүүд, Цүкимориг биширдэг охид илт сэтгэлээр унасан харагдав. Учир нь тэдний хэн нь ч тэнгэрлэг Ёоко Цүкиморигийн итгэлээс урваж зүрхлэхгүй билээ. Би ч ялгаагүй түүний чиглүүлсэн нөхцөл байдлыг эсэргүүцэх хангалттай чадваргүйн улмаас хэдий хүсэхгүй байсан ч түүнтэй хамт явахаас аргагүй байдалд орсон байлаа.

Цүкимори урд хаалгыг зүглэн хөнгөн алхлана.
-Чи юу төлөвлөөв? гэж би түүний араас муухай ааштай байгаагаа огтхон ч нуулгүйгээр асуухад Цүкимори урт намирсан үсээ салхинд хийсгэн эргэж хараад:
-Би чиний ажилладаг кафе ямар гэдгийг мэдэх гэсэн юм гэж сайхан ааштай байгаагаа огтхон ч нуулгүйгээр хариулав.
-Yнэнээ хэл. Чи намайг бусдаас ялгарах дургүйг мэдэж байгаа
-Тэгээд л би ямар ч бужигнаан үүсэхгүй байх талаар санаа тавьсан шүү дээ. Үгүй гэж үү?
-Наадах чинь бид бусдын анхаарлыг татсан гэдгийг өөрчлөхгүй
-Тэсэх л болж дээ
-Хэний буруу билээ дээ?
Түүний энэ мохошгүй байдал уурыг минь хүргэж байв.
-Хэн чамд намайг кафед ажилладаг гэж хэлсэн юм?
-Тийм цуурхал сонссон юм
-Битгий худлаа ярь.
Миний цагийн ажил хийдэг нь нууц биш байсан ч би сургууль дээр бол хэнд ч кафед ажилладаг гэдгээ хэлээгүй байлаа.
-Чамд юу хэрэгтэй юм?
-Чи намайг ямар хүн гэж бодоо вэ Нономияа-күн? Сэтгэл зүрхэндээ байдаг хүнийхээ талаар илүү ихийг мэдэхийг хүсэх нь хачин хэрэг биш биз дээ? Үүнийг цайлган охины ариухан сэтгэл гэдэг юм.
-Чи цайлган охин гэж үү? Инээдтэй юм. Би чамд баталчихъя. Чи тийм гэм зэмгүй нэгэн байхад ойртож ч очихгүй гээд би хүйтнээр инээв.
-Юу гээч. Иймэрхүү үед наснаасаа эгчмэд харагддаг байх нь үнэхээр асуудал болох юм. Yнэн хэрэгтээ би чинь ердөө 17 настай шүү дээ. Тэгээд ч саяхан аавыгаа алдсан болохоор надад арай эелдэг хандах нь зүйтэй гэж би бодож байна Нономияа-күн гээд Цүкимори уруулаа цорвойлгоход би түүнийг ингэж хүүхэд шиг аашилдаг гэж бодоогүй тул ихэд гайхлаа.
Гэхдээ ингээд гүйцээ. Мэдээж би түүний өмнөөс харамсаж байсан ч эцсийн эцэст энэ надад огтхон ч падгүй хэрэг.
-Маргааш уулзъя гээд би алхаагаа хурдасган түүнээс холдов.
-Чи хаачих нь вэ? Наадах чинь арын хаалга шүү дээ
-Би чам шиг галт тэргээр биш дугуйгаар явдаг. Хэрэв чи миний дугуйн хурдыг гүйцэх юм бол би өөртөө төвөг удаж чамайг кафе руу чиглүүлэн явж болох юм гэж би зориуд хүйтнээр дуугарав. Бусдад тааруулах ямар хэрэг байна. Тэгээд ч хэн нэгнийг өөрийн эзэмшил нутаг руу нэвтрэх эрхийн бичиггүй оруулна ч гэж байхгүй шүү.
-Тэгье. Миний нуруу өвдөхгүй байх гэж найдъя. Гэхдээ үргэлж оролдож үзэх юм сан гэж боддог байсан юм.
Юутай ч Цүкимори миний бодсоноос илүү цайлган байлаа. Нэг мэдэхэд тэр надтай зэрэгцэн алхаж байв.
-Чи яах гээ вэ?
-Нэг удаа ч болов дугуйн дээр сундлуулж үзэх юмсан гэж үргэлж хүсдэг байсан юм
-Би тэгнэ гэж хэлээгүй санагдах юм
-Санаа зоволтгүй дээ. Би тийм ч хүнд биш
-Наадах чинь асуудлын гол биш.
Ядаргаатай юм. Тэр огт биеэ барихгүй байсан тул би ч бас өөрийгөө хорихгүй байхаар шийдэж:
-Чиний зөв. Чи аавыгаа алдсан тул би эелдэг байх ёстойгоо мэдэж байна. Гэхдээ би бусад шиг чиний хөгжмийн нотоор бүжиглэмээргүй байна. Хүн болгон зөвхөн чиний төлөө байдаггүй гэдгийг ойлго. Би жинхэнэ төрхийг чинь харсан болохоор цаашид чамайг өрөвдөж болох ч аясаар чинь байж чадахгүй гэж сануулав.
-мхмм, энэ чинь л миний Нономияа-күн мөн дөө гэж Цүкимори яагаад ч юм санаа нь амарсан байртай толгой дохиод:
-Надад энэ ичгүүргүй зан чинь таалагддаг гэв.
Миний үгс бодсоноор минь биш яг эсрэгээрээ үйлчилж, дургүйг нь хүргэх гэсэн биш улам ч өөртөө татчихлаа. Намайг хэлэх үггүй болсныг хараад тэр ердийн том эгчийн инээмсэглэлээрээ инээмсэглээд:
-Надад нэг боломж олгооч. Өчигдрийн миний гуйлт дэндүү яарсан хэрэг болж гэдгийг би одоо ойлгож байна. Чи миний ямар хүн гэдгийг мэдэхгүй шиг би ч бас чиний тухай сайн мэдэхгүй. Тийм болохоор харилцан ойлголцох хэрэгтэй гэж бодож байна. Нэг нэгнийгээ илүү сайн мэддэг болсныхоо дараа шийдвэрээ гаргахад оройтохгүй, тийм биз дээ? гэв.
Түүний хэлсэн зөв боловч өдийг хүртэл болсон бүхнийг цэгнэж үзэхэд түүнд сохроор итгэж яавч болохгүй тул би Цүкиморигийн нүд рүү ширтэв.
Тэр юу сэдээ юм бол?
Тэр миний харцнаас огт буруулсангүй тул түүний том бор нүдэнд би өөрийнхөө тусгалыг тодхон харж байлаа. Эцэст нь бууж өгч, харцаа буруулсан хүн нь би болж, дугуйндаа мордлоо.
-Суу
-Баярлалаа гэж тэр хөгжилтэйгөөр хариулаад ачаан дээр суумагц нь би хөдөллөө. Тийм ээ, тэр хэлсэн шигээ хөнгөхөн юм.
-Өнөөдрийнх шиг анхаарал татсан зүйл дахиж хийхгүй гэж амла
-Хичээе
-Үгүй ээ, хичээх биш амла
-Нономияа-күн, салхи ямар таатай юм бэ. Дугуйнд сундлуулах миний бодсоноос гоё юм гээч.
Би өөрсдийнхөө тусгалыг гудамжны толинд харав. Цүкимори баруун гараараа банзлаа дарж, зүүн гараараа намайг тэвэрсэн бөгөөд өнгөрөн урсах хотын үзэмжийг нүд гялбатал инээмсэглэн харж байлаа. өөрийгөө надад бүрэн даатгасан охинд гомдоллох аргагүй болсон тул:
-Болж дээ гэж би хэлээд хоолойгоороо давуулж чадаагүй бүхий л дундуур сэтгэл, таагүй мэдрэмжээ дөрөөгөө жийхдээ ашиглав.
Хичээлээ тараад явж байгаа сурагчдын атаархсан эсвэл хардсан алин болох нь үл мэдэгдэх харцтай тулгарч байсан ч яая гэхэв. Ганцаараа явахад надад ийм зүйл тохиолдож байгаагүй тул энэ бүхэн хэний буруу вэ гэдэг нь ч ойлгомжтой. Би Ёоко Цүкиморог ардаа сундаллан явж байлаа. Энэ бол өсвөр насны гэгээн дурсамж гэсэн алдрыг хүртэхүйц сайхан мөч. Магадгүй өсвөр насныхаа талыг хэдийн туулчихаад байгаа миний хувьд хэний ч атаархах ийм тохиолдлын эзэн болсондоо өөрөөрөө бахархах нь зөв ч байж болох юм.
Yнэнийг хэлэхэд түүн шиг сүр жавхаатай нэгнийг сундалсан хүн надаас өөр байхгүй гэдэгт бат итгэлтэй байсан тул би өөрийгөө бусдаас давууд тооцож байсан ч энэ мэдрэмж минь түүний зовлонтой ааш болон аллагын жорын талаар мартсан хэдхэн хормын хугацаанд л үргэлжлэв. Дараагийн хэдэн цагийн турш би түүний тоглоом болж хувирах нь гарцаагүй учраас сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй байлаа.
Түүний хүсэлтийг хүлээж авсан ганц шалтгаан нь ердөө л тэр миний сонирхлыг татсан төдий. Түүнээс гадна бидний ярилцлагууд сэтгэл догдлом бас зугаатай санагдаж байсан юм.

Би ажилчдын өрөөнд хувцсаа солив. Нарийхан хар өмд өмсөж, цагаан цамцаа товчлон дээгүүр нь хар хантааз өмсөв. Гялалзсан хос арьсан гутал углаад сүүлд нь урт хормогч бүслэж, өөртөө итгэлтэй байхын тулд толинд харж шалгачихаад гал зуух руу явлаа.
Гал зууханд хөл тавьсан эхний хоромд л миний дурладаг кофений таатай үнэр хамар гижигдэв. Энэхүү Англи маягийн “Викториа” кафед ажиллах болсон минь зөвхөн энд л ойр орчимд хаанаас ч олдохгүй сайхан кофегоор үйлчилдэгээс болсон байлаа.
Би хамтран ажиллагсадтайгаа мэндчилээд, цаашаа харан гар тээрмээр кофе буталж байгаа хүнд хандан:
-Ноён Кужирай гэж дуудахад хүдэр чийрэг, нүдний шилтэй хүн дулаахнаар инээмсэглэн эргэж харлаа.
-Би өнөөдөр ширээнд үйлчлэх ёстой юм л даа. Гэхдээ гал тогоо руу шилжиж болох уу? гэж би асуув.
-Юу болоов?
-Хувийн шалтгаанаар гэж айж байна. Yнэнийг хэлэхэд манай ангийн хүүхэд ирсэн юм л даа
-Юу, тэгээд яагаад солигдмоор байгаа хэрэг вэ?
-Юу л даа. Би ангийнхаа хүүхдэд хань болж чадахгүй. Тэгээд ч ажиллаж байгаагаа харуулах нь ичмээр шүү дээ.
Тэрэнд харуулна ч гэж байхгүй шүү. Миний энэ эсэргүүцэл хүүхдийнх шиг сонсогдож байгааг мэдэж байсан ч түүнийг энд авчрахгүйг хичээсэн нөр их зүтгэл минь бүтэлгүйтсэн болохоор энэ миний сүүлчийн боломж байлаа.
Гэтэл менежерээс өрсөн ондоо нэг хүн миний хүсэлтэнд хариулав.
-Хөөе, Нономияа. Тэр чинь эрэгтэй юм уу эмэгтэй юм уу? гэж миний хажууд нарийн боовонд жимс түрхэж байсан тогоочийн хувцастай эмэгтэй асуугаад:
-Хэрэв эрэгтэй юм бол би чамтай солигдъё. Мэдээж миний сонирхдог залуу бол шүү дээ гэхийг сонсоод ажилчид бүгдээрээ Мирай-сангийн муу зуршил хөдөлснийг ойлгон гашуун эм уусан мэт ярвайцгаав. Энэ эмэгтэйн бүтэн нэрийг Мирай Самежима гэнэ. Викториад хамгийн удаан ажиллаж байгаа хүн бөгөөд менежер хүртэл түүний үгийг анхаарч сонсдог байв. Тэр уг нь их сургуулийн оюутан боловч заримдаа, үгүй ээ бүр өдөр болгон менежерээс чухал хүн аятай биеэ авч явдаг тул надад наснаасаа эгчмэд юм шиг санагддаг байв.
-Урмыг чинь хугалсанд уучлаарай, Мирай-сан. Гэхдээ тэр эмэгтэй л дээ.
-Хмм, чамайг охин авчирсан гэсэн чинь миний сонирхол төрчихлөө байна гээд сурмаг хөдөлгөөнөөр нарийн боовоо дуусгаад амандаа шоколад хийгээд кассан дээр очив. Эндээс бүх ширээ тодхон харагдах аж.
-Алив ээ, хэл л дээ. Аль нь юм бэ? гэж Мирай-сан шоколад хүлхэнгээ хөмсөг зангидан кассны дээгүүр харцаараа заалыг нэгжив. Бусад ажилчид ч боломжийг алдсангүй түүний араас кафег тойруулан харж байлаа.
Би хэн нэгэн тэднийг энэ мөрдлөгийг хориглох байх гэж хүлээсэн ч ингэх үүрэгтэй ганц хүн болох менежер хүртэл сонирхсондоо царай нь гэрэлтэн тэдний дунд зогсож байсан тул би эцэст нь бууж өгөөд:
-Тэр байна гэж цонхны хажууд хүмүүжилтэй хатагтай шиг сууж байгаа Цүкимориг заалаа. Ажилтнуудын дунд баярын түрлэг урсан, залуус эерэгээр хүлээж авсан нь тодорхой байв.
-Чөтгөр гэж Нономияа. Ямар хөөрхөн юм бэ. Чамд гоёдох нь гарцаагүй
Мирай-сан юунд ч юм уурласан бололтой төмөр нударгаа миний хэвлийд буулгалаа.
-Яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэж би асуухад миний асуулт ажилчдын өрөвдсөн харцтай тулгарахаас хэтэрсэнгүй.
-Чи дандаа л хайрын шувуухайнууд чамд огт хамаагүй юм шиг байдаг хэрнээ араар нь ийм юм хийж явдаг байх нь ээ. Өөдгүй хоёр нүүрт.
Мирай-сан Цүкимори бид хоёрыг хосууд гэж андуурсан бололтой.
-Мирай-сан сүүлийн үед шинэ найз залуутайгаа таарамжгүй байгаа гэж менежер миний чихэнд шивнэв.
-Тэгэхээр салах эсэх нь цаг хугацааны л асуудал юм биз дээ? гэж намайг асуухад
-Магадгүй гэж менежер цааш ухраад толгой дохив. Мирай-сан чимээгүй байхдаа хөөрхөнд тооцогдож болох юм. Yнэндээ олон залуучууд түүнийг эргүүлдэг ч харамсалтай нь түүний хэнд ч бууж өгдөггүй хатуу зан нь хөөрхөн царайгаа доош татдаг бөгөөд миний мэдэхийн Мирай-сангийн үерхэл хэзээ ч удаан үргэлжилдэггүй байв.
-Саруватари, яасан дурлачихав уу яав?
-Үгүй ээ, би хэнд ч дурлаагүй
-Тэгвэл тийшээ зогссон чинь дээр шүү.
Өнөөдрийн золиос Саруватари-сан болж, Мирай-сангийн хөл түүний өгзгөнд газардлаа. Тэр найз залуутайгаа таарамжгүй үедээ эсвэл салахаараа ааш нь яг л ширүүн хүрхрээ шиг болдог байв. Харин бид ийм Мирай-санг "араатан" гэж нэрлэдэг байлаа. Харамсалтай нь энэ кафед түүнийг зогсоох ямар ч баатарлаг зоригтон байсангүй тул араатан нэгэнт мангас болж хувирсан бол шуурга намдтал хүлээхээс өөр замгүй болно.
-Ноён Кужирай, би ширээнд үйлчлэхээр явлаа
-А-аан, амжилт хүсье
Баатар байснаас болгоомжтой байсан нь аминд өлзийтэй шүү дээ. Гал тогоонд араатны зууш болсон хөөрхий залуугийн гингэнэх дуу сонсогдоно.

Виктория кафе тийм ч том биш. 8 ширээтэй, тэйкний 6 сандалтай. 5 ажилтантай, 2 нь ширээнд үйлчилж бусад нь гал зууханд ажиллана. Эндхийн тайван, тухтай уур амьсгалд би маш дуртай байлаа.
Англи маягийн орчин бүрдүүлэхийн тулд эртний загварын тохиромжтой ширээ сандлыг менежерийн англи эхнэр сонгосон бөгөөд кафег түүний нэрээр нэрлэсэн аж. Кафе автобусны буудлын ойролцоо, түрээсийн барилгын нэг давхарт байрладаг бөгөөд бүх хүйснийхэнд тохирохуйц орчин бүрдүүлсэн ч ихэвчлэн оюутнууд болон оффист ажилладаг залуу бүсгүйчүүд үйлчлүүлдэг байв.

Намайг захиалга авахаар очиход Цүкимори толгойноос хөл хүртэл анхааралтай ажиглаад:
-Гарсоны /францаар үйлчлэгч/ хувцас чинь сайхан зохиж. Царайлаг харагдаж байна гэв. Викториа англи маягийн кафе учраас waiter гэж хэлэх нь зохимжтой ч Японд гарсон гэж дуудах нь нийтлэг тул энэ ялихгүй алдааг залруулах шаардлагагүй гэж би үзээд түүнд инээмсэглэн талархаж:
-Та ч бас кафед сайхан зохицож байна гэж хэлэв. Цүкимори инээмсэглэн:
-Баярлалаа гэв. Би худлаа ярьсангүй. Хөөрхөн охид кафед үргэлж сайхан дүр зураг бүрдүүлдэг нь үнэн шүү дээ.
-Ажилчид нь их эрч хүчтэй юм аа гэж Цүкимори хэлээд харцаа гал зуух руу чиглүүлэв.
-Бужигнаж байгаа нь энд сонсогдож байна гэж үү? Үйлчилгээний байгууллагын хувьд энэ ч асуудал шүү гэж би хариулаад нойтон алчуур аягатай ус ширээн дээр нь тавив.
-Гэхдээ хөгжилтэй харагдаж байна
-Тэр ч юу л бол. Заримдаа хэн нэгэн уйлах ч үе гардаг л юм. За ямартаа ч манай кофе шилдэг нь, хоол ч бас муугүй
-Ойлгомжтой. Тэгвэл кофе захиалъя. Тэгээд өөрөө мэдээд амттан аваад ирэхгүй юу?
-Манай нэрийн холимог дээрээс нь эзний гарын алимны бялуу болох уу? гэхэд Цүкимори толгой дохисон тул би хүндэтгэлтэйгээр бөхийн:
-Ойлголоо гэв. Захиалгыг гал тогоонд хүргэтэл
-Чи ч нөхөрсөг биш юм аа гэж Мирай-сан хэлээд хоол хийхийн оронд хөмсгөө зангидан зогсож байв.
-Тэгж бодож байна уу? Уг нь би үйлчлүүлэгчиддээ тун ч найрсаг хандахыг хичээдэг юмсан
-Хэзээ тэгдэг хэрэг вэ. Надад бол ялгаа алга. Тэр чам шиг залуугийн юунд болдог байна аа? гэж Мирай-сан хөмсгөө өргөн Цүкимори луу эргэлзсэн байдлаар харав.
-Би хэлэхээ мартчихаж. Тэр миний найз охин биш
-Биш юм уу?
-Үгүй ээ. Зүгээр л ангийн хүүхэд
-Тэгвэл ангийн чинь тэр хөөрхөн охин чамаас юу хүсээв?
-Надаас болсон юм биш. Тэр кафед зочлох дуртай юм шиг байна лээ гэж үнэнийг хэллээ гээд надад ямар ч ашиг гарахгүй тул санаанаасаа зохиов.
-Тэгээд л болоо юу? Уйтгартай юм
-Чи үргэлж өөрийнхөөрөө дураар байдаг чинь зугаатай хэрэг шүү. Тэр миний найз охин байсан ч чамд уурлах шалтгаан олдох байсан биз
-Би шударга болохоор зугаатай байгаа хэрэг. Харин бусдын аз жаргалд баярлаад байдаг хүмүүс нэг л биш дэг ээ. Тэд нэг бол хоёр нүүртэн нэг бол ямар нэг далд санаа агуулж байгаагаас гарцаагүй.
-Сэжиглэл дүүрэн үзэл байна гэж би бодсоноосоо өөрөөр хариулав. Миний зожиг зангаас болсон юм болов уу бүү мэд үнэнийг хэлэхэд би түүнтэй санал нийлж байлаа. Ямартаа ч өөрийгөө шударга гэж үздэг, бусдын нүдэнд бол хувиа хичээсэн харагддаг тэр хүнээс нэг зүйл асуумаар санагдав.
-Мирай-сан нэг юм асууж болох уу?
-Юу тэр вэ?
-Зовлонд уначихаад гашуудахгүй байгаа хүний талаар юу гэж бодож байна?
-Сэжигтэй сонсогдож байх чинь гэж Мирай-сан тэр дор нь тасхийтэл хэлээд
-Гуниглуулж байгаа учраас л зовлон гэж нэрлэдэг биз дээ. Хэрэв гуниглахгүй байгаа бол зовлон биш гэсэн үг гэв.
-Тийм байх нь гэж би санал нэг байгаагаа энэ удаа үгээр илэрхийлээд хажуу тийшээ харан Цүкимориг ширтэв. Хүлээж залхсандаа ч юм уу эсвэл кафег сонирхсондоо ч юм уу тэр эргэн тойрноо ажиглах аж. Цагаан шавар муур, хар шилэн муурын бүрдэл түүнд таалагдсан бололтой суудлаасаа босч, ойртож харав.
Кафед байгаа хүмүүсийн хэн нь түүнийг тун саяхан аавыгаа алдсан золгүй охин гэж бодох вэ? Хэн ч тэгж бодохгүй. Үргэлж тайван, насанд хүрсэн аятай биеэ авч явах тул хэн ч түүний сэтгэлийн хөдөлгөөнийг тааварлаж чадахгүй.
Тэр сэтгэл санаагаа ийм сайн хянаж чаддаг юм уу эсвэл бусдад өөрийн сэтгэл санааны байдлыг харуулахыг хүсдэггүй юм уу аль нь ч байсан лав л огтхон ч гашуудсан харагдахгүй байлаа. Магадгүй эргэн тойрныхондоо төвөг удахгүйн тулд сэтгэл тавгүй байгаагаа нуудаг байж болох юм. Тийм зүйл тохиолдсоны дараа охид ингэж биеэ авч явах нь жирийн үзэгдэл ч байж болох. Нэгэнт өөд болсон хүн эргэж ирэхгүй нь үнэн тул мөнхөд гашуудаад байх ч бас зөв зүйл биш л дээ.
Гэвч энэ бол ердөө л онол. Бодит байдал дээр хүн ийм богино хугацаанд сэтгэлээ жолоодож чадна гэж үү. Тэр тусмаа уй гашууг? Гэнэт Мирай-сангийн хэлсэн үг бодогдов. Тийм ээ, үнэхээрийн сэжигтэй юм.

Амттан Цүкиморигийн сэтгэлд нийцжээ.
-Амттай байлаа гэж Цүкимори кофе, алимны бялуугаа юу ч үлдээлгүй дуусгаад магтав. Би ширээг нь цэвэрлээд:
-Бүх зүйл таалагдсан гэж найдаж байна гэхэд Цүкимори дургүйцэн хяламхийж:
-Намайг хөөж байна уу?
-Юмыг хурдан ойлгодог юм байна шүү
-Надад энэ кафе үнэхээр таалагдаж байна гээд Цүкимори инээмсэглэв.
-Аанха. Сонсоход таатай байна. Гэхдээ дэлхий даяар олон кафе байгаа гэдгийг битгий мартаарай. Та бүгдийг нь туршиж үзсэн нь дээр байх
-Надад энэ кафе үнэхээр таалагдаж байна гэж Цүкимори түрүүнийхээ үгийг давтан, түрүүчийнх шигээ инээмсэглэв.
-Ойлгомжтой, заримдаа тийм ч хурдан ойлгодоггүй бололтой гэж би ч бас хэлсэн үгээ ихэнхийг нь давтав.
Гэнэт Цүкимори босч, гал зуух руу чиглэн алхлаа. Би гайхан түүний араас очиход тэр ажилчидтай мэндчилэн талын цэцэгс дэлбээлэх шиг инээмсэглэв.
-Танилцахад таатай байна
Түүний баясгалантай мэндчилгээ ажилчдыг сандаргаж байгаа нь ганц харахад л ойлгомжтой байлаа. Бүгдийнх нь сэтгэл догдолсон харагдавч Мирай-сан л ганцаараа ямар ч хувирал үзүүлсэнгүй.
-Намайг Ёоко Цүкимори гэдэг. Би Нономияа-күнтэй нэг ангид сурдаг юм гэж тэр эелдэгээр өөрийгөө танилцуулахад
-Аа, тийм тийм. Нономияа-күн бидэнд хэлсэн гэж менежер түүнээс хамаагүй олон насаар ах боловч хүндэтгэлтэйгээр хэлэв.
-Энэ үнэхээр сэтгэл татам кафе юм гэдгийг дурдах нь зүйтэй.
-Баярлалаа гээд Цүкиморигийн гэрэлтсэн инээмсэглэлийг хараад менежерийн царай улайв.
-Би та нарт атаархаж байна шүү гэж Цүкимори хэлэхэд ажилчид түүнийг гайхан харав. Юугаар ч дутах зүйлгүй, бусдын атаархлыг төрүүлж баймаар охин тэдэнд атаархаж байдаг.
-Та нар ийм гайхалтай кафед ажиллаж байна шүү дээ.
Жаргах нарны туяа араас нь тусан гэрэлтүүлэхэд Цүкимори яг л түнэр харанхуйд асах галын дөл шиг гайхамшигтай харагдаж байсан тул бүх хүмүүс түүний хосгүй төрхөнд соронздуулсан байлаа.
-Ийм гайхалтай газар ажиллах ямар сайхан байхыг төсөөлж ч чадахгүй нь
Энэ өрөөнд түүний нөлөөг эсэргүүцэх чадвартай ганц хүн нь би байсан тул Цүкиморигийн хэвийн хэмжээнээс давсан од мэт хандлагыг хараад егөөдөн инээмсэглэв. Гэтэл менежерийн хэлсэн үг миний инээмсэглэлийг ул мөргүй арчин хаялаа.
-Цүкимори-сан гэсэн байх аа?
-Тийм ээ
-Энд ажилламаар байна уу?
-Ноён Кужирай гэж би дуугүй байж тэвчсэнгүй менежерийг дуудаад түүнийг маш том алдаа гаргахаас нь өмнө болиулахыг оролдлоо. Та Мефистофелистэй наймаалцах гээд байна /германы аман зохиолд гардаг чөтгөр/ Гэтэл нэг хүн миний мөрнөөс шүүрч, арагш татахад агаарт шоколадны үнэр ханхийв.
-Зүгээр л харж бай гээд Мирай-сан хоржоонтой нь аргагүй инээмсэглэв. Тийм ээ энд ч бас нэг чөтгөр бий шүү дээ нээрэн.
-Юу... нэг хоосон ажлын байр гарсан л даа. Чи Нономияа-күнгийн анги юм чинь итгэж болох байх. Хэрвээ өөрөө хүсч байвал бид дуртайяа хүлээн авах байна, Цүкимори-сан.
Бусад ажилчид ч бас бүгд ховсдуулсан аятай менежерийг дэмжин толгой дохицгоов. Тэд чөтгөрт илбэдүүлээд эрүүл ухаанаа алдчихсанаас зайлахгүй.
-Би их баяртай байна. Гэхдээ... би үнэхээр болно гэж үү? Би урьд нь огт ажил хийж байгаагүй гэж Цүкимори хэсэг тээнэгэлзэсэний эцэст эргэлзэнгүй өгүүлэв.
-Үгүй дээ санаа зоволтгүй. Бүгдэд л анхны удаа гэж байдаг шүү дээ. Тэгээд ч чам шиг биеэ зөв авч явдаг хүн энэ ажилд тохирно гэж бодож байна.
Мэдээж тэр үйлчлүүлэгчдэд хүлээн зөвшөөрөгдөх нь гарцаагүй. Бүгд түүний өнгөн талыг л харж байгаа шүү дээ.
-Надад ийм их итгэл хүлээлгэж байгаа бол саналыг чинь дуртайяа хүлээж авъя гээд Цүкимори баяртайгаар инээмсэглэв.
Ажилчид түүнийг мөн адил баяртайгаар инээмсэглэн угтаж байхад би ганцаараа баргар царайлан тэдний баяр баяслын тойргоос холхон зогсож байв. Яагаад гэвэл түүнийг би бусдаас илүү мэднэ. Түүний бүгдийн хайрыг татсан эелдэг зан, үзэсгэлэнтэй царайны цаана нүүрэмгий шийдмэг араншин нь нуугдаж байгаа. Цэцэн Цүкимори өөрийнхөө дур булаам гэдгийг сайн мэддэг юм байна. Байдлыг дордуулах гэсэн мэт үүнийгээ хэрхэн ухаалгаар ашиглах талаар ч бас сайн мэддэгийг нь би дөнгөж сая шинээр олж мэдлээ.
-Эрчүүд яагаад хөөрхөн охидын өмнө ийм сулбагар болчихдог байна аа? гэж кассны цаанаас миний мөрнөөс татсаныхаа дараа Мирай-сан чихэнд минь шивнэв.
-Сайхан асуулт байна. Гэхдээ кафе дахь залуучууд чиний өмнө ч бас сулбагар байдаг шүү дээ гэж би энгийнээр хариулав.
-Чи хүн магтаж байна гэхээр нэг л биш санагдаж байна шүү. Гэхдээ муухай санагдахгүй байгаа болохоор шагнал болгож толгойг чинь илье л дээ гээд гараа миний толгойд хүргэхэд би дүнсгэр царайлан татгалзав.
-Миний сэтгэл тавгүй байна. Намайг будилуулахаа больж үз
-Хаширлах хэрэггүй дээ. Хүсвэл би чамд шоколад өгөх юм уу?
-Энэ бүхэн зүгээр гэж үү? Цүкимори энд ажиллахыг чи эсэргүүцэхгүй байгаа юм уу?
-Намайг эсэргүүцээсэй гэж чи хүсч байгаа биз? Тийм биз?
-Юу л даа. Ганцхан чи л энэ хүлээн авалтын баяр баясгаланг тас цохиж чадна шүү дээ
-Тэгж төвөг удаж яах юм. Надад татгалзаад байх шалтгаан алга.
-Яагаад? гэж би Мирай-сан энэ инээдмийн жүжгийг зөвшөөрч байгаад гайхан асуув.
-Яагаад гэвэл чи юм болгонд тоомжиргүй ханддаг мөртлөө ингэтлээ эсэргүүцэж байгааг чинь харах дэндүү хөгжилтэй байгаа болохоор гэж Мирай-сан гуагалав.
-Чи ямар зэвүүн амьтан болохоо мэдэх үү?
-Чи надаас дор биз дээ. Хэрэв миний зөн совин намайг хуураагүй бол Цүкимори чам шиг хэрэггүй амьтны аргалж чадах төрлийн эмэгтэй биш гэж хэлж байна.
-Хамаагүй ээ. Надад тэрнийг гэх бодол байхгүй
-Чи тийм байж болох л юм. Гэхдээ тэр ямар бол? гээд Мирай-сан нүдээ онийлгон, миний царай руу ойртон, ямар нэг юм хайх мэт ширтэв.
-Намайг цохилоо гээд нэмэр болохгүй л болов уу
-Тийм ээ тийм. Ирэх өдрүүдийг хүлээж тэсэхгүй нь гэж Мирай-сан миний эсэргүүцэхийг үл тоомсорлон хэлээд гараа даллаад гал тогоо руу орлоо.
Мирай-сан Цүкимори бид хоёрын хачин харилцааны талаар олж мэдэх нь ердөө цаг хугацааны л асуудал юм шиг санагдав. Эмэгтэй хүний зөн совин гэж. Цүкимори Мирай-санд хэрэггүй юм ярихгүй байх талаар арга хэмжээ авах хэрэгтэй бололтой.
-Би эндхийн ажилтан боллоо гэж хэргийн эзэн Цүкимори миний шүдний өвчин болсноо эс тоон намайг чиглэн баясгалантайгаар хүрч ирэв.
-Одоохондоо арай оройтоогүй байна. Дахиж нэг бодож үзвэл яасан юм гэж би хүйтнээр хэлэхэд миний сэтгэл бүр ч хүйтэн байлаа.
-Надад санаа зовж байгаад баярлалаа. Гэхдээ менежер надад энэ ажлыг санал болгосон болохоор би хичээж ажиллах болно гэж Цүкимори итгэл дүүрэн өгүүлээд нударгаа эгдүүтэйгээр зангидав.
-Санаа зовсон хүн алга. Эсрэгээрээ ядаргаатай байна гэхэд
-Би чамтай хамт ажиллах болсондоо баяртай байна шүү гэж Цүкимори инээмсэглэсэн царайгаа огтхон ч хувиргалгүй хэлэхэд "Чи түүнийг аргалж чадахгүй" гэж Мирай-сан хэлснийг санав. Яг одоо би энэ үг үнэн гэдгийг үйлдэл дээр нь баталж байна.

Дараагийн өглөө хичээлийн танхимд Цүкимори миний ширээнд дөхөж ирээд нарны гэрэл модны навчис нэвтлэн бүдэгхэн туяарах шиг дулаахан инээмсэглэн, зуны сэвшээ салхи шиг намуухан хоолойгоор Усамид хандан:
-Би Нономияа-күнгийн кафед ажилд орсон гэж хэлэхэд ангийн дуулиан шуугиан зогсож, Усами зай нь дууссан цагийн зүү мэт гацав.
-Айн? Ёоко-сан? Нономияатай хамт ажиллахаар болсон юм уу. Айн... Яагаад?
Тэр цаг тутам үүрнээсээ гарч ирж цаг зарладаг тоглоом шиг харагдав. Энэ бүхэн яг л дэжаву шиг байлаа.
-Тэнд ажилтан шаардлагатай байгаа тул менежер намайг туслаач гэсэн юм. Би урьд нь ажил хийж үзээгүй болохоор жаахан сандарч байсан л даа. Гэхдээ менежер санаа зоволтгүй гэсэн гэж Цүкимори чин сэтгэлээсээ тайлбарлав.
-Яг ш дээ. Чи л түүнийг тэгж хэлэхээс өөр аргагүй байдалд оруулсан гэж би хэнд ч сонсогдохооргүй аяархан хоолойгоор бувтнав.
-Тэгвэл би ч гэсэн...
Энэ яриа хаашаа чиглэхийг аль эрт гадарласан тул би:
-Чи дугуйлангаа тасалж болохгүй шүү дээ. Yндсэн тоглогч болохын тулд хичээх хэрэгтэй гэж Усамигийн санааг няцаав.
-Энэ амралтаар тэнд оч л доо Чизүрү. Надад сурах зүйл их байгаа учраас чамд хань болж чадахгүй ч Нономияа-күн байна шүү дээ. Тийм биз дээ Нономияа-күн?
Би түүн рүү хяламхийхэд Цүкимори толгойгоо үл ялиг хазайлган, инээмсэглэсэн хэвээр
-Тийм биз дээ? гэж нягтлан асуув.
-Тийм ээ, хүссэн үедээ зочлоорой Усами
Дараа энэ талаар Цүкиморид гомдол тавих юм шүү гэж би өөртөө амлав.
-Тэгэлгүй яахав, очно. Заавал очно гэж Усами хөөрөн, нүд нь гялалзахад түүний энэ илэн далангүй үйлдэл намайг баясгаж, дүнсгэр сэтгэлийг минь үлдэн хөөлөө.
Гэвч бас нэг ноцтой асуудал үүссэн нь ангийнхан ч бас амралтын өдөр кафе руу сүрэглэн довтлохоор зэхэж байгаа нь тодорхой болов. Энэ удаад тэднийг зогсооно гэдэг юу л бол.
-Бүгдээрээ сонсоорой. Нономияа бидэнд тайлбар хийх гэж байна гээд Камогава миний мөрөн дээр алгадаад, сэжиг хүрэм нялуунаар инээмсэглэхэд ард нь бусад хөвгүүд мөн адил царай гарган зогсоцгоож байв. Тэд маршийнх нь цувааг нь булаан авсан надаас шударга ёс шаардахаар иржээ.
Миний дотор муухайрав. Цүкиморид заавал эсэргүүцлээ илэрхийлнэ дээ гэж би шийдэмгий гэгч нь тангараглалаа.


Last edited by zolushka_717 on May.29.15 4:53 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 12:06 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
5-р бүлэг "Гашуун шоколад"

Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ёоко Цүкимори үнэхээр өөгүй охин байлаа. Нэг анги энээ тэрээ гэсэн шалтгаанаар би автоматаар түүний зааварлагчаар томилогдов.
Анхандаа би энэ төвөгтэй даалгаврыг тун дурамжхан хүлээж авсан ч, удалгүй аливааг тун хурдан тогтоодог хүнд зааварлах нь зугаатай ажил болохыг мэдэв. Тэр викторияад ажиллаад ердөө хагас сар өнгөрсөн ч үйлчлүүлэгчдэд үйлчлэх, захиалга авах, бүртгэл хийх зэрэг ширээнд үйлчилэхэд хамааралтай ажлуудыг бие даан хийж чаддаг болсон байв. Yйлчлүүлэгчидтэй харилцах тал дээр бол кафед ажилладаг хэнийг ч дагуулахааргүй байж ч магад. Түүнээс гадна түүний зөөгчийн хувцастай байхыг нь харж, нүдээ хужирлахаар ирдэг үйлчлүүлэгчдийн ачаар орлого ч нэмэгдэв.
Түүний чадварыг менежер болон бусад ажилчид шагшин биширч байхад сургууль дээр хамт байдгийнхаа хувьд энэ байдалд нь дассан болохоор миний хувьд содон зүйл биш байлаа.
Юу содон байсан бэ гэвэл Мирай-сан Цүкимори хоёрын эв түнжинтэй харилцаа. Би тэднийг муур хулгана болсон бол ойлгож чадах байсан ч, үнэндээ тэд хоорондоо маш сайн зохицож байв.
-Би чамайг түүн шиг хүнд дургүй гэж бодож байсан юмсан гэж би Мирай-санд хэлэхэд
-Эсрэгээрээ. Би биш харин Ёоко шиг охид намайг тэвчдэггүй юм гээд Мирай-сан дэлхийг булаан эзлэхээр төлөвлөж байгаа хорон санаат бүлгийн толгойлогч л ингэж инээдэг болов уу гэмээр инээв.
-Яагаад тэр билээ?
-Илбэчид бүх залийг нь хараад байгаа үзэгчид дургүй байдаг юм. Тэгээд ч тиймэрхүү хүүхнүүдийн залинд би хууртдаггүй.
Yнэхээр ч Мирай-сангийн зөн совин ер бусын хурц гэдэгтэй маргах аргагүй байлаа.
-Их сургуульд тиймэрхүү залиараа залуусыг өөртөө татдаг нэг охин байсан юм. Тэгээд нэг удаа тэрний байгаа байдал нь миний тэвчээрийг бараад... яахав... тэр үед би нэлээн ааш муутай байж таарсан юм... Тэгээд бусдын нүүрэн дээр би түүнийг хэдэн хэсэг болгож хаясан. Дараа нь тэр уйлаад л байсан уйлаад л байсан... Yнэхээр ядаргаатай
-Гүнээ эмгэнэж байна
-Харин тийм. Түүнээс хойш тэр охин намайг харангуутаа зугтдаг болсон. Яг л буруутай хүн нь би юм шиг
Мирай-сан намайг өөрт нь тал өглөө гэж бодсон ч үнэндээ би өөрийгөө Мирай-сангийн дайсан болгосон тэр хөөрхий бүсгүйд эмгэнэл илэрхийлсэн юм.
-Гэхдээ Ёоко тийм биш. Тэр хуурамч дүр үзүүлдэггүй, элдэв заль хэрэглэдэггүй, байгаагаараа байгаа юм шиг санагддаг гээд Мирай-сан Цүкиморигийн үйлчилж байгаа ширээний зүг харцаа шилжүүлэв.
-Би түүний зүүсэн хуурамч багийг хуулж хаяхыг тэсч ядаж байсан болохоор хичнээн өршөөлгүй мөшгөсөн ч юу ч олоогүй. Хэхэ, эхэндээ би хүчирхэг өрсөлдөгч ирлээ гэж баярлаж байсан шүү. Намайг хуурч чадна гэж битгий бодоорой гээд л, гэхдээ гэснээ тэр үгээ таслан хүйтнээр инээснээ:
-...сүүлийн үед Ёоког үнэхээр ийм л хүн юм байна гэж боддог болоод байгаа гэв.
Би түүний харцыг дагуулан Цүкимориг харлаа. Тэр үргэлж дээд зэргээр биеэ авч явдаг нь үнэн тул түүнийг гомдоллон гоншигонож байна гэхэд санаанд нэг л багтамгүй. Зөрүүд зантай би хүртэл түүнээс цацрах гэрэл цэвэрхэн тунгалаг бөгөөд ямар нэг хуурамч заль гэж бодохгүй байлаа. Эцсийн эцэст тэр "Араатанг" хүртэл номхруулж чадсан юм чинь "Хүн төрөлхтний" сэтгэлийг булаах нь аргагүй биз.
-Гэхдээ түүний надаас огтхон ч айхгүй байгаа нь надад хамгийн их таалагддаг гээд Мирай-сан гал зуух руу эргэж хараад
-Саруватари гэж хашхирав.
-За, хатагтай
-Ажлаа сайн хий
-Тэгнэ, тэгэлгүй яахав, сайн хийнэ гэж Саруватари-сан хашхираад улам ч хурдан хөдөлж эхлэв.
-Тэр харав уу. Бусад нь ингэдэг юм даа
-Чи чөтгөр юм биш биз?
-Тэнэг ээ. Тэгж харагдахгүй байж болох ч үнэндээ Саруватари надад дурлачихсан юм гээд Мирай-сан долоовор хуруугаа миний духанд хүргээд:
-Даанч би иймэрхүү ноомой залуусыг сонирхдоггүй л дээ гэв.
-Чи ч яахын аргагүй чөтгөр юм даа гээд би хэлэх үггүй болж духаа үрэв.
-За ямар ч байсан хамгийн гол нь тэр надад таалагддаг. Хуурамч баг зүүсэн байсан ч хамаагүй.
-Ийм амархан байж болно гэж үү?
-Болно оо. Ёоко ямар ч өөдгүй новш болж хувирсан би түүнийг тийм ч амархан үзэн ядаж чадахааргүй болсон. Шоколад л гэсэн үг. Хүн болгон надад хэтрүүлж идэх нь эрүүл мэндэд муу гэдэг ч би хэзээ ч идэхгүй байж чадахгүй шиг л гэж өөрийгөө шоколаданд донтогч хэмээн тодорхойлоод Мирай-сан кассны ирмэг дээр сандайлан халааснаасаа шоколад гарган дээш шидээд амандаа тосч авлаа.
-Наадах чинь муу зуршил шүү Мирай-сан. Менежерийн нүднээс далдуур дандаа шоколад идэх юм. Нэг удаа чамайг шоколаднаас өөр юу ч идэхгүй байснаасаа болоод ухаан алдаж унасан гэдгийг чинь менежер надад хэлсэн шүү гэж захиалга дамжуулахаар ирсэн Цүкимори ангийн дарга танхай сурагчийг загнаж байгаа юм шиг Мирай-санг зэмлэв.
-Чөтгөр чимээнээр гэж Мирай-сан яг л танхай сурагч шиг зэвүүн хоолойгоор эсэргүүцэн дуугарав.
-Миний тухай ярьж байсан юм уу? Муугаар яриагүй гэж найдаж байна, тийм үү?
-Мэдээж, яалаа гэж. Бид чамайг магтаж байсан юм Ёоко
-Сайн байна. Тэгвэл энэ удаад зүгээр өнгөрүүлье
Тэд ярьж байгаа шигээ дайсагнаагүй, харин ч хөгжилдөж байх шиг байлаа.
-Би чамд таалагддаг. Тийм биз? гэж гэнэт Мирай-сан асуув.
-Тэгэлгүй яахав гэж Цүкимори тэр дор нь хариулаад инээд алдан:
-Би ч бас чамд таалагддаг биз дээ? гэж асуув.
-Яриангүй гэж Мирай-сан мөн л тэр дор нь хариулав. Тэд яг л он удаан жил найзалсан мэт харагдаж байлаа.
-Харав уу? Yүнийг чинь л хэлээд байгаа юм
-Ойлгомжтой
Хэд хэдэн авцалдаагүй зүйл байсан ч Мирай-сангийн юу хэлэх гэснийг нь би бүдэг бадаг ойлголоо.
-Та хоёр зарим талаараа үнэхээр төстэй юм гэж Цүкимори гэнэт бувтнахад Мирай-сан бид хоёр өөд өөдөөсөө харав. Тэгээд зэрэгцэн:
-Ийм сэтгэл татах юмгүй амьтантай юу?
-Би арай ч тэрэн шиг шулуухан биш шүү гэж хэлцгээв.
-Та хоёр хэнийг ч худал хөөргөдөггүй, олныг дагаж, бусдыг дуурайдаггүй, өөрсдийнхөөрөө байдаг. Энэ занд чинь би үнэндээ маш их атаархдаг шүү.
Би хариулахаасаа өмнө хэсэг чимээгүй болоод:
-Мирай-сан өөрийгөө бусдаас дээгүүрт тавьдаг бол би урдах замаа л харж явдаг. Бас Мирай-сангаас ялгаатай нь би шаардлагатай бол дуртайяа олонхийг дагана гэхэд
-Би үргэлж нээлттэй, шударга байдаг. Чам шиг дандаа далд санаа өвөрлөдөггүй гэж Мирай-сан тасхийн эсэргүүцэв.
-Заримдаа худал үгнээс илүү үнэн үг бусдыг зовоодог гэдгийг ойлгох хэрэгтэй
-Чи ч үнэхээрийн сэтгэл татах юм юу ч үгүй, увайгүй залуу юм даа, Нономияа
-Бүдүүлэг дарангуйлагчаас сургааль сонсох шаардлага алга гэж би дооглоход Мирай-сан надаас харцаа салгалгүй суудлаасаа босч ирэв.
-За яахав. Чи хязгаараа давчихлаа. Гадаа гарч шийдэцгээе. Чиний наад ялзарсан аашийг чинь базаад нударганы мөр гаргаад өгье л дөө.
Гэнэт биднийг харан зогсож байсан Цүкимори хөхөрч эхлэв.
-Та хоёр яг л эгч дүүс шиг байна гэхэд
-Дүү гэнэ ээ. Нономияа юу? гээд Мирай-сан заамдсан гараа буулгаж намайг дээрээс доош шинжив.
-Эгч ээ гэж би түүнийг даажигнан дуудахад миний чихэнд якузагийн гишүүн эмэгтэй боссоо дуудаж байгаагаас өөрцгүй сонсогдож байлаа.
-Юу гээчийн хар дарсан зүүд вэ гээд Мирай-сан, Цукимори маргааныг нь сүйтгэснээс болсон уу миний дуудлагад дур нь гутсан уу ямартаа ч толгойгоо барин гал зуух руу ороод алга боллоо.
-Тэгж харагдахгүй байж болох ч үнэндээ Мирай-сан чамд их сайн байдаг шүү Нономияа-күн гэж Цүкимори шивнээд
-Чи түүнийг эгч гэж дуудсанд тэр их баярласан. Ичсэндээ л зугтаачихлаа гэхэд нь би Цүкимори луу ширтэв.
-Юу болоов? Юунд ингэтлээ гайхаав?
-Чи надаас хамаагүй бага хугацааг түүнтэй өнгөрүүлсэн хэрнээ их сайн ойлгодог юм шиг байх чинь
-Надад хүмүүсийг таньдаг гуравдагч нүд байдаг юм. Анх хараад л бид сайн тохирно гэдгээ мэдсэн гээд Цүкимори намайг өөрийг нь магтсанд баяртай байх шиг харагдав.
-Тэр нүд чинь эрэгтэй хүний тал дээр ажилладаггүй бололтой. Сайн арчвал яасан юм гэж би хариулав. Түүний сэтгэл өөдрөг байгаа нь илэрхий байв. Учир нь түүнд хэлсэн гашуун сургамжийг тэр чихэр шиг инээмсэглэлээр хариулаад:
-Би огт тэгж бодохгүй байгаа шүү. Чи гарцаагүй миний эрхэм хүндэт заяаны хань болно гээд чадмагаар тавиуран дээр кофе тавиад ширээний зүг хөнгөн алхлан одов.


Би түүний төлөвлөгөөний дагуу явах бодолгүй байсан тул тэртээ тэргүй тэрэнд ямар ч боломж байхгүй шүү дээ гэж бодох нь амар байлаа. Гэсэн ч Цүкиморигийн итгэлтэй гэгч нь инээмсэглэхийг харсан хоромд түүний хүссэнээр болж мэдэх юм гэсэн эргэлзээ өөрийн эрхгүй төрөв.
Гэсэн ч би түүнд Мирай-сан шиг мухар сохроор итгэхгүй. Миний оронд байсан бол тэр ч бас эргэлзээгээ тийм ч амар орхиж чадахгүй байх байсан биз. Гэхдээ Мирай-сангаас ялгаатай нь би аллагын зааврын тухай мэднэ шүү дээ.

Цүкимори викторияад ажиллах болсноос хойш Усами байн байн үзэгдэх болов. Тэр нийтэч зантай болохоор ажилчид болон менежерийн сэтгэлд түргэн нийцэж, хүндтэй үйлчлүүлэгч болсных нь ачаар би ноён Кужирай түүнд энд ажиллахыг санал болгох вий гэхээс айн түгшиж, байж сууж чадахаа болив.
-Нономияа, Нономияа сонсооч.
Тэр дугуйлангаа тараад үдэш болохын өмнөхөн ирдэг тул үйлчлүүлэгчид ховор байдаг байлаа. Тэгээд л тэр өдрийнхөө сонин сайханг баяртайгаар тоочиж эхэлнэ.
-Би дараагийн тэмцээнд үндсэн тоглогчоор сонгогдсон
-Баяр хүргэе. Yүнийг чинь тэмдэглэн би уух юмаар дайлъя
-Ура гэж тэр баяртайгаар хашхираад арай л хөл дээрээ дэвхэцсэнгүй. Тэгсэнээ
-Ммм, тэгвэл... Би дахиад нэг зүйл гуйж болох уу? гээд Усами гэнэт тэвдэн миний царай луу ичингүйрэн ширтэв. Түүний том дугуй нүд бяцхан сармагчинтай адилхан байлаа.
-Миний чадахаар зүйл юм бол...
-Би зургийг чинь авч болох уу?
-Яах гэж? Бид бараг өдөр бүр уулздаг. Зураг аваад байх ямар шаардлага байна?
-Байлгүй яахав. Би чиний гарсоны хувцастай зургийг авах гэсэн юм
-Тийм бий вий гээд би гаднаа бодолхийлсэн дүр үзүүлсэн ч
-Yгүй гэж хариулав.
-Яагаад? Ямар нэг хориг байхгүй шүү дээ. Чамаас юу ч унахгүй гэж Усами төрхгүй хүүхэд шиг аашлан уурлахыг нь харахад зугаатай байлаа.
-Би зураг авахуулах дургүй. Тэгээд л тэр.
Би худлаа хэлсэнгүй, энэ үнэн байлаа.
-Гэхдээ чиний энэ төрх маш ховор шүү дээ. Тэг л дээ. Ердөө ганцхан гэж Усами бүх хүчээ шавхан намайг ятгахыг оролдов.
-Чи үндсэн тоглогч болсон тэгээд ч тэгж их хүсээд байгаа юм бол...
-Айн, нээрэн үү гэж Усамигийн нүд найдвар дүүрэн гялалзахад
-...татгалзаж байна гэж би баясгалантайгаар түүний найдварыг унтраав.
-Ээээ, яагаад?
-Яагаад гэвэл би насаа богиносгомооргүй байна
-Наадах чинь ердөө нэг тэнэг мухар сүсэг шүү дээ
Усамигаар даажигнах нь надад тохирсон чухал даалгавар биелүүлэхтэй адил. Түүний хариу үйлдлийг харах тусмаа би хонхны жингэнээн шиг бүдүүлэг байхаа зогсож чадахгүй үргэлжлүүлсээр байдаг байлаа.
-Муу харамч
-Юу ч гэсэн болно. Миний хариулт өөрчлөгдөхгүй
-За яахав, тэгвэл би нууцаар авчих юм чинь
-Чи надад хэлчихсэн юм чинь нууцад тооцогдохгүй
-Ингэвэл яаж байна гээд Усами утсаа гаргаж ирээд над руу чиглүүлэн зураг дарахыг оролдоход би бушуухан буруу харав.
-Ээээ, яагаад цаашаа харчихав аа
-Энд зураг авах хориотой. Энэ дүрмийг дагаж чадахгүй бол эндээс явахыг хүсэх байна гэж би албаны хоолойгоор хэлэхэд Усами хацраа түмбийлгэн утсаа цүнхэндээ хийгээд
-Харамч амьтан гэв. Би инээд алдлаа.
-Усами, за алив л дээ. Би зураг авахуулж чадахгүй ч, амттанааар дайлъя за юу гэж би түүний гунигтай харцыг хараад эрхлүүлмээр санагдсан тул хэлэв.
-Мөстэй шоколад, манготой амтат боов
-Ойлголоо гээд би чадах ядахаараа сайхан инээмсэглээд захиалгыг нь дамжуулахаар гал тогоо руу явав. Усамигийн ил тод шулуухан байдал намайг стрессээс ангижруулж, сэтгэлийг минь зөөллөсөн байв. Би чинь ажил дээр байнга адармаатай хүмүүстэй тулгардаг шүү дээ.
-Чи дуртай тоглоомоороо тоглож байгаа хүүхэд шиг байх чинь гэж Мирай-сан эрүүгээ тулан маасайв.
-Би тэрнийг тоглоом гэж боддоггүй гэж би Саруватари-санд захиалгыг өгчихөөд зарлагын хуудас янзлангаа хэлэв. Мирай-сан хурц зөнтэй тул тэр хэдийн миний Усамид талтайг мэдсэн байж таараа. Тэгээд ч надад нуух бодол байсангүй тул:
-Гэхдээ түүн шиг тэжээвэр амьтантай бол дургүйцэх зүйлгүй шүү гээд Өөрөөсөө том манго идэхийг чармайж байгаа бяцхан сармагчинг дотроо төсөөлөв.
-Ялгаагүй
-Ямар ч байсан надад тэр таалагддаг нь үнэн
-Ямар нэг зүйлийг ийм амархан зөвшөөрч байгаа чинь хачин хэрэг байна гэж Мирай-сан над руу гайхан ширтэв.
-Хэний тухай вэ гэдгээс хамаарна. Түүний ил тод байдал намайг ч гэсэн шударга болгодог юм
-Хэхэ, гайхалтай. Тэгвэл тэрнийг найз охиноо болгоод наад эвдэрсэн аашаа янзлуулаач гээд Мирай-сан урагш бөхийн чанга хөхрөв.
-Чи миний найз охин байсан бол хэлээд байгаа миний энэ эвдэрсэн зан бүр дордох байсан даа гэж би дотроо бодов.
-Боломжийн сонсогдож байна шүү.
Нэг мэдсэн Цүкимори миний хажууд зогсож байв.
-Миний харж байгаагаар Чизүрү ч бас чамайг сонирхдог Нономияа-күн гэж Цүкимори өнөөх том хүний инээмсэглэлээрээ инээмсэглэв.
-Тийм үү? Тэр ч бас уу? Нономияаг охидын хайрыг булаасан залуу гэж мэдсэнгүй шүү гээд Мирай-сан Цүкимори руу сониучирхан ширтэхэд харин миний харц түүнийг сэжиглэлээр дүүрэн ширтэж байв. Мирай-сан Цүкимори намайг үерхэхийг гуйсныг мэдээгүй юм чинь аргагүй биз.
Тэр юу төлөвлөө юм бол? Цүкимори яагаад намайг Усамитай нийлүүлэхийг оролдож байгааг би огтхон ч ойлгож чадсангүй.
-Тэрнийг дэгээдээд аваач гэж Мирай-сан энэ амтат завшааныг алдалгүй өгүүлэв.
-Энэ миний шийдэх хэрэг биш. Хайр гэдэг чинь хоёр хүнд хамаатай зүйл биз дээ эсвэл миний буруу юу? гэж би уурлахад Мирай-сан хөмсөг зангидав.
-Ёоко сая чамд боломж байна гэж хэлсэн шүү дээ.
-Чи ч ялгаагүй, Цүкимори. Ямар ч шалтгаангүйгээр биднийг нийлүүлэх гээд байгаа чинь таалагдахгүй байна. Наад болгоомжгүй үг чинь Усами бид хоёрт бүдүүлэг хандаж байгаа хэрэг.
Би бухимдаж байгаагаа анзаарав. Уурлах биш бухимдаж байлаа. Дүрэлзсэн гал шиг биш цог уугиж байгаа юм шиг.
-Чиний зөв, Нономияа-күн. Би тэгж хэлэх ёсгүй байсан юм. Намайг уучлаарай гээд Цүкимори тэр дороо алдаагаа зөвшөөрөн, толгой бөхийн уучлал хүсэв.
-Аа, нөгөө, уучлаарай. Би чамайг ийм ноцтой хүлээж авна гэж бодсонгүй гээд Мирай-сан эвгүйцэн толгойгоо маажаад Цүкиморигийн жишээг дагав.
-Үгүй ээ, уучлал гуйх шаардлагагүй. Би зүгээр л иймэрхүү ярианд дасаагүй юм гэж бухимдсанаа харуулахгүйн тулд өөрийгөө буруутгасан дүр үзүүллээ. Бидний хэн нь ч юм хэлж чадахгүй байсан тул хэдэн хором чимээгүй өнгөрөв. Дараа нь Мирай-сангийн сонирхол буурч гал тогоо руу ороод уураа гаргах бай хайн
-Саруватари гэж хашхирах нь сонсогдов.
Цүкимори цааш харан зогссоор. Түүний энэ дүлэгнэсэн байдал нь миний боддог түүний төрхөнд огтхон ч тохирохгүй байв. Надад ч бас эвгүй байсан бөгөөд түрүүн болсон ярианы гашуун амт одоо болтол амтагдсаар байв. Гэхдээ би Мирай-сангийн хэлсэн шиг Усамигийн өмнөөс бухимдаагүй байлаа.
Бусдын хайрын явдалд хошуу дүрэхэд би дургүй ч ийм зүйл олон тохиолддог. Би огтхон ч эргэлзээгүйгээр тиймэрхүү ярианаас бултаж, эсвэл дасан зохицоод ямартаа ч өдийг болтол өөрийн бодлоо нуун өнгөрүүлж чадсаар ирсэн юм.
Гэтэл дөнгөж сая, би жинхэнэ бодлоо илчилж, өөрийгөө ичгүүртэй байдалд орууллаа. Би анх удаагаа ердийнхөөрөө, өөрийнхөөрөө байж чадсангүй барьц алдчихлаа.
Би юунд тэгтлээ бухимдаа вэ? Энэ тун таагүй зүйл гэдгий нь мэдэж байвч юунаас болсныг нь мэдэхгүй байв. Гэтэл түүний бувтнах нь сонсогдов.
-Уучлаарай гэж Цүкимори аяархан боловч шаналсан хоолойгоор шивнэхэд кафен шуугианд түүний үг тэр дороо замхран алга болов. Тэр цаашаа харсан хэвээр байсан тул би царайг нь харж чадаагүй ч түүний хоолой ердийн уучлал эрэх биш гэмшлийн өнгөтэй байгааг би мэдрэв.
Цүкимори хэлсэн үгэндээ ингэж их харамсана гэж би хэзээ ч бодож байсангүй. Гайхахын зэрэгцээ өөрийгөө тэр дороо тайвширахыг мэдэрлээ. Би бухимдсан шалтгаанаа оллоо. Яагаад гэдгий нь яг тодорхой сайн мэдэхгүй байгаа ч Цүкиморигоос болсон бололтой. Гэтэл би яагаад Цүкиморигоос болж тэгтлээ бухимдаа вэ? гэсэн дахин нэг асуулт шинээр урган гарлаа. Бодлын төөрдөг байшинд одоо орлоо гээд тэртээ тэргүй хариултаа олж чадахгүй, цаг алдахаас цаашгүй тул би Усамигийн талаарх бодлоор толгойгоо дүүргэв. Ямартаа ч нэг нээлт хийлээ. Одоохондоо юу гэдгийг нь нэрлэж мэдэхгүй байгаа ч... Ямар ч байсан... Цүкиморитой хамаатай ямар нэг шинэ төрлийн сэтгэлийн хөдөлгөөн надад бий болох гэж байна.


Last edited by zolushka_717 on May.29.15 4:54 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 1:16 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Uu balarsiin be :)) uuln tsukimorigiin nuluund avtku bh gj ih naidjisimsan :mrgreen:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.25.15 5:57 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Bayrlalaa unshij bgaa shu^^

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.26.15 6:11 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
6-р бүлэг “Амтат хар дарсан зүүд”

Кафе хаасны дараа ажилчдын өрөөнд:
-Намайг гэрт хүргээд өгөөч гэж Цүкимори хувцсаа солисныхоо дараа хэлэв.
-Гэрт хүргэж өгөх өө? гэж би тоть шиг давтлаа.
-Юу гээч. Кафегаас буудал хүртэл хэн нэгэн намайг дагаад байх шиг санагдаад байна гээд Цүкимори хамаг бие нь жихүүцсэн бололтой чичрэв.
-Хэтрүүлж бодоод байгаа юм биш үү гэж би хэлэх шахсан ч тэр хараа булаам охин тул болохгүй гэх газаргүй гэдгийг ойлгоод:
-Тэгвэл надаас тусламж гуйхын оронд цагдаад хандсан нь дээр дээ
-Хулчгар, Нономияа. Хулчгар байна. Алив л дээ, эр хүн шиг байж тэрнийг хамгаалаач гэж Мирай-сан бидний яриаг сонсоод ширээ шаав. Ажилчид юу болоод байгаа талаар гайхан эргэж харцгаав.
-Надад сайрхах бодол алга. Би тийм хүчтэй хүн биш. Түүн рүү хэн нэгэн дайрлаа гэхэд би зодуулахаас өөр зүйл хийж чадахгүй
-Хэн чамайг сайрхсан гэсэн юм. Эр хүн л юм бол амь нас чинь хутганы ирэн дээр байсан ч тулалдах л хэрэгтэй
-Мирай-сан, та надаас илүү бие хамгаалагч болох юм шиг санагдаж байна шүү
-Тэнэг. Би ч гэсэн эмзэг туяхан эмэгтэй хүн. Надад ч бас хамгаалалт хэрэгтэй
Би мөрөө хавчаад хамтран ажиллагсадаасаа дэмжлэг горьдон тойруулан харахад тэд Мирай-сангаас айдаг тул инээмсэглэхээс хэтрээгүй ч бүгд дотроо надтай адилхан бодож байгаа нь лав.
-Инээдтэй байна
-Хэхэ, Нономияа чи гомдол нэхээд байна уу даа гэж Мирай-сан над руу ширтэн дөхөв.
-Мирай-сан зүгээр дээ. Хэрэв Нономияа-күн үгүй л гэсэн бол өөр арга байхгүй. Би ганцаараа л явахаас гээд Цүкимори хаалга руу зүглэв. Гэтэл тэр хаалгаа хаахын яг өмнөхөн “-ааааах” гэж өрөө дүүрэн сонсогдохуйц хүндээр санаа алдахад бүгд нэгэн зэрэг над руу зэмлэсэн харцаар ширтэв. Найзууд дайсан болдог гэж үнэн юм даа. Эцэст нь менежер Цүкимори болон бусдынх нь талд орж:
-Түүнийг гаргаж өг Нономияа-күн гэхэд үүнийг сонсоод зориг орсон ажилчид намайг тал талаас шүүмжилж эхлэв. Олонд дийлдэн, би эцэст нь муу залуу болж хувирах нь тэр.
-За, за. Ойлголоо. Хүргээд өгчихье, за юу гэж би бувтнаад өрөөг орхин Цүкиморигийн араас гүйлээ. Гайхалтай нь би түүнийг кафегаас гармагцаа гүйцэв. Цүкимори намайг хүлээн гудамжны гэрэл доор кафен урд талын утасны бүхээгийг налан шөнийн хатан аятай зогсож байв.
-Ирнэ гэдгийг чинь мэдсэн юм аа гээд талын цэцэгс дэлбээгээ нээх адил ялдамхан инээмсэглэхэд түүнийг огтхон ч гайхсан шинжгүй байгааг нь би ойлгоод дүрэлзсэн сэтгэлээ намдаахын тулд дээш харав. Тэнгэрт өнөө шөнө хавирган сар мандаж, над руу дүрлийн ширтэх аж.
-Шударга биш байна
-Юу тэр вэ?
-Чи юу төлөвлөөв?
-Ямар эелдэг биш юм бэ. Би эмэгтэй хүн болохоор шөнө ганцаараа явахаас айдаг юм шүү дээ
-Тэгвэл ээжийгээ дуудахгүй яасан юм. Эсвэл ажилтнуудаас гуйх ч юм уу үгүй бол цагдаад хандаж болно шүү дээ
-Эмэгтэй хүний сэтгэлийг ойлгодоггүй хэвээрээ л байх шив. Би ЧАМААР хүргүүлэхийг хүссэн юм гэж Цүкимори инээд алдаад намайг сугадав.
"-шампунь юм байх даа?" гэж түүнээс ханхлах анхилуун цэцэгсийн үнэрийг би гайхан таамаглаад:
-Явцгаая гэлээ.
Цүкимори байдлыг гартаа авсан л бол тийм ч амар мултрах аргагүйг одоог хүртэлх туршлагаараа ойлгосон боловч би өөрийн хүслээр зөвшөөрсөн хэрэг биш тул аялдаад байх албагүй. Тийм учраас миний гар түүний энгэрт шахагдан туулсан тэр хэдхэн метр дэндүү ичгүүртэй байлаа. Хэдийгээр би Цүкимори бол энэ дэлхий дээрх хамгийн хорон санаатай хүн гэдгийг мартаагүй ч "гэхдээ түүний зөөлөн цээж үүнтэй нь огт хамаагүй шүү дээ" гэсэн бодол хоромхон зуур гялсхийв. Би ч хэрэггүй амьтан юм даа.
-Би зугтаачихгүй. Тиймээс үүнийгээ боль л доо гэж би санаа алдан гуйгаад гарыг нь салгав.
-Харамсалтай л юм. Арай гэж сайхан уур амьсгал бүрдүүлээд байсан юмсан гэж Цүкимори гонсгор өгүүлсэн ч алхаа нь хөнгөн хэвээр байлаа. Түүний урт хар үс агаарт намиран бүжихийг хараад би чангаар санаа алдав. Эсрэгээрээ миний алхаа хичнээн хүнд байсныг хэлэх нь илүүц биз ээ.

Бид галт тэргэнд суун 4 буудал яваад, хотын захын дүүрэгт буулаа.
-Манайх тийшээ. Хэдхэн минут алхаад хүрчихнэ гэж Цүкимори гүвээ өөд өгссөн өндөр шат, уулын налуу руу заахад би нэлээд мацах хэрэгтэйг ойлгоод, харах төдийд зүрх үхэв.
-Ингэж урвайх хэрэггүй дээ. Надтай үерхэнэ гэдэг энэ өөдөө байнга гарна гэсэн үг шүү дээ
-Найз залууг чинь өрөвдчихлөө байна
-Санаа зоволтгүй. Чи удахгүй дасчихна гээд Цүкимори миний сүр сүлд уначихаад байгааг хайхралгүй түрүүлэн алхав.
-Хар даа. өнөө шөнө од ямар гоё харагдаж байна аа гэж Цүкимори хөгжилтэйгөөр өгүүлэхэд би энэ хүртэл арайхийн явж ирсэн тул эргэж харахыг хүссэнгүй, түүнийг даган гэлдэрч байлаа.
Бид хөл хөдөлгөөн багатай, тансаг хороололд ирэв. Гудамжны гэрлийг харьцангуй ойр ойрхон байрлуулсан боловч эргэн тойрон түнэр харанхуй нөмөрсөн хэвээр байх тул түүний дагжин чичирч байсан нь зүгээр нэг жүжиг байгаагүй ч байж мэдэх л юм.
Бид арай гэж зогсох үед би таамагласан ёсоор хатаж үхэхийн ирмэгт тулсан байхад Цүкимори ингэж алхаад сурчихсан тул огт ядарсан шинжгүй байх нь миний нүдэнд урьд урьдныхаас илүүтэйгээр уур хүрмээр үзэгдэв.
-Ирчихлээ гэж Цүкимори тунхаглаад том цагаан байшингийн үүдэнд зогсов. Yгүй ээ харш гэвэл илүү тохиромжтой.
Аав нь барилгын дизайны компанитай байсан тул 4 талт системийн дагуу хэмжилзүйн уур амьсгал бүрдүүлсэн, чамин шийдэлтэй байшин байлаа. Хэрэв надад энд физикч хүн амьдардаг гэсэн бол шууд л итгэх байсан юм.
Байшин харанхуй байх тул ээж нь эзгүй байгаа бололтой. Намайг байшинг сонирхож байх зуур Цүкимори миний ханцуйнаас татаад
-Нэгэнт ирчихсэн юм чинь ороод гарвал яасан юм гэв.
Түүний санал тун сэжигтэй, эргэлзээ дүүрэн сонсогдов. Энэ айлчлалын талаар хэн нэгэн олж мэдвэл тун ч төвөгтэй байдал үүснэ гэдгийг би ойлгож байлаа. Дээрээс нь энэ үед байшин эзгүй байсан талаар сургуулийн хөвгүүд мэдвэл үүнээс үүдэн ямар гээч яриа тарж болохыг төсөөлж ч чадахгүй байв. Ялангуяа Камогава яах бол. Би бодохыг ч хүссэнгүй.
Тэр намайг гэртээ авчрахын тулд бүгдийг санаанаасаа зохиож гэдэгт би одоо бүрэн итгэлтэй болов. Түүний энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл яршигтай асуудал үүсэх нь дамжиггүй.
-Сайхан санаа байна. Би цангаж үхэх нь. Юм ууя
Гэсэн ч энэ бол ховор олдох завшаан мөн тул саналыг нь хүлээн авлаа. Сүүлийн үед сонин содон үйл явдал болоогүйгээс би түүнд эргэлзэхээ завсарлаад байсан нь үнэн ч энэ нь бүр больсон гэсэн үг биш. Аллагын жорыг тойрсон миний сэжиг толгойд минь утаа уугиулан ноцсоор байсан юм.
Ерөнхийдөө түүнд ойртож, түүний талаар илүү ихийг мэдэж чадвал ямар нэг ахиц гарна гэж найдаж байсан ч миний зүтгэл талаар өнгөрч, Цүкиморид хэдий чинээ ойртох тусам төдий чинээ ойлгомжгүй болж байсан юм. Би түүний тоглож байгаа үнэнээсээ ярьж байгааг нь огтхон ч ялгаж чаддаггүй. Нэг үгээр хэлбэл тэр яг л загас шиг гулсамтгай байсан тул Цүкиморигийн оронд ээжтэй нь харилцсан нь дээр байж магад гэж би дүгнээд байсан юм. Оршуулган дээр байснаас нь үзвэл тэр Цүкимори шиг ийм ярвигтай хүн биш байж таараа. Тэрний аавтайгаа ямар харилцаатай байсан талаар олж мэдэхийн тулд заавал өөрийг нь байцаагаад байх шаардлагагүй шүү дээ.

Би Цүкимориг даган байшинд ороход өчүүхэн төдий ч чимээ анир байсангүй. Yүдэнд гутлаа тайлангаа би:
-Ээж чинь хэдэн цагт ирэх юм? гэж асуутал
-Чи эгчмэд бүсгүйчүүдэд талтай юм уу? гэж Цүкимори инээд алдан даажигнав.
-Ямар ч байсан чамаас илүү таалагддаг гэж би түүнийг шалгахын тулд тоглосон шинжгүй хариулав.
-Наргиж хэлсэн байлаа ч хүнд цохилт боллоо гэж Цүкимори углааш гаргангаа толгой сэгсрэв. Би нөхцөл байдлыг гартаа авав бололтой.
-Ээж гадагшаа явсан. Оройтож ирэх болохоор өнөөдөр чамд сайхан боломж олдлоо гэсэн үг
-...чухам ямар боломжийн тухай яриад байгааг чинь ойлгохгүй байна гээд миний царайг ажиглахын тулд ойртон ирсэн Цүкимориг түлхэв. Ингээд хяналт эргээд Цүкиморигийн гарт очлоо.
-Би нэгэнт энд ирчихсэн юм чинь өөрийгөө танилцуулах л гэсэн юм
-Сонсоход таатай байна. Чи над дээр бие халаалтаа хийгээд биеэ бэлдчихэв үү?
-Би юу гэж ойлгоод байгааг чинь мэдэхгүй ч чиний буруу гэж хэлэх байна гээд би түүнийг даган зочдын өрөөнд орлоо.
-Би уух юм аваад ирье. Буйдан дээр сууж байгаарай гээд Цүкимори зэргэлдээх өрөө лүү орж гэрлий нь асаав. Сайтар тоноглосон гал зуухны өрөөний хагас нь л надад харагдаж байв. Би харцаа шилжүүлэн зочдын өрөөг ажиглав. Хуван оруулгатай арьсан буйдан, алдартай дизайнерийнх гэдэг нь хэн ч харсан ойлгохоор өвөрмөц хэлбэртэй шилэн ширээ, асар том LCD зурагт, гоёмсог дуу тоглуулагч гээд л гаднаасаа харагддаг шигээ дотроо ч бас тохилог айл байлаа. Цуу яриа үнэн байжээ. Yнэхээр чинээлэг айл юм.
Гэвч тэгээд л тэр. Цүкиморигийн аавтайгаа ямар харилцаатай байсныг илтгэх юу ч байсангүй тул миний урам хугарав. Яахав, олон хүн орж гардаг өрөөнд тиймэрхүү зүйл байхгүй байх нь хэвийн үзэгдэл ч гэлээ хамгийн азгүй нь надад бусад өрөөнд орж болох өчүүхэн төдий ч далим байсангүй тул гэрт нь орж ирсэн энэ ховор боломжоо ямар ч үр бүтээлгүй өнгөрүүлж байгаадаа сэтгэлээр унав. Цүкимори цай авчрав.
-Хар цай зүгээр биз дээ?
-Тэгэлгүй яахав.
Энд удах шаардлага нэгэнт үгүй тул би аягаа хоосолмогцоо явахаар төлөвлөөд байтал Цүкимори миний бодлыг уншсан мэт:
-Гэртээ байгаа юм шиг л бай. Маргааш хагас сайн юм чинь яарах юу байхав. Тийм биз дээ?
-Чи чинь ухаанаа алдчихаа юу? Би чинь эрэгтэй хүн гэж миний урам хугарсанд тэр л буруутай юм шиг арай л хатуу дуугарчихав. Би өөрөө л хэтэрхий их зүйл найдсанаас биш Цүкимори үүнд ямар ч хамаагүй тул утгагүй аашилсанаа ойлголоо.
-Яг тийм болохоор. Эр хүн айж эмээсэн эмэгтэйг ганцааранг нь орхих ёсгүй
-Гэхдээ чи гэртээ байна шүү дээ
-Гэмт хэрэгтэнд энэ хамаатай гэж бодоо юу?
-Гэмт хэрэгтэн юу гэж боддогийг би яаж мэдэх вэ дээ. Тэгээд ч энэ бүхэн чинь нэг л үнэмшилгүй санагдаад байна
-Харамсалтай л юм гэж Цүкимори үл мэдэг санаа алдаад
-Чи намайг хүссэнээрээ байхыг минь ер зөвшөөрөхгүй юм тийм үү? Нономияа-күн
-Би л тэгж хэлмээр байна. Чи дандаа намайг гарынхаа аясаар хөдөлгөдөг биз дээ гэж би түүний үгийг хурдхан шиг эсэргүүцэв. Байнга миний толгойд эргэлдэж байсан зүйлийг дайсан минь өрсөөд хэлчихсэнийг хүлээн зөвшөөрч чадсангүй. Гэтэл Цүкимори:
-Магадгүй Нономияа-күнгийн талаар Мирай-сангаас асуух хэрэгтэй юм болов уу гэж өөртэйгээ ярьж байна гэхэд дэндүү чанга дуугаар шивнэв. Би арай л аман дахь цайгаа цацаад гаргачихсангүй.
-Энэ чинь сүрдүүлэг үү? гээд би түүн рүү дайсагнан ширтэв.
-Яах ч арга алга. Би зүгээр л Мирай-сан шиг арай ахмад хүнээс зөвлөгөө авахыг хүссэн юм. Энэ тийм хачин хэрэг биш биз дээ? гэж хэлэх зуураа Цүкимори миний харцнаас зугтах гэсэн мэт нүүрээ дэрээр халхлав.
-Мирай-сангаас хайрын зөвлөгөө авна гэдэг чөтгөрөөс диваажин яаж хүрэхийг асууж байгаагаас ялгаагүй
-Сайн зүйрлэл байна гээд Цүкимори нүүрээ дэрэнд наан хөхөрлөө.
-Инээх зүйл биш. Амьдрал үхлийн дайтай чухал хэрэг шүү.
Мирай-сан баясгалантайгаар намайг даажигнаж байна гэж бодох төдийд л миний толгой өвдөх шиг болов. Тэр надаас Цукиморигийн талаар шалгаахаа хэзээ ч зогсохгүй тул завгүй боловч амар тайван ажлын өдрүүдтэйгээ салах ёс гүйцэтгэх хэрэгтэй болох байх даа.
-Кафен ажилчид бидний талаар мэдэхэд надад дургүйцэх зүйлгүй. Би бусдаас юм нуугаад байх дургүй.
-Чи л тэгдэг юм байгаа биз. Цүкимори бусдын анхаарлын төвд байж сурсан байж болох ч би тийм биш. Хүн болгон над руу харж байна гэж бодтол нуруугаар минь хүйт даалаа. Yзэгчийн дүр л надад хамгийн сайн тохирно. Хүн болгонд өөр өөрийн чадах зүйл бий шүү дээ.
-Шулуухан хэлэхэд би бусдаас нууж хаалгүйгээр чамайг өөрийн болгомоор байна
-Чи бусдыг талдаа татан урвуулахдаа сайн юм шиг байна лээ. Тийм үү? гэж би ёжлоход
-Надад байгалиас заяасан давуу талыг минь хэлж байна уу? гэж Цүкимори огтхон ч түүртэлгүй миний цохилтыг няцаав.
-өө тийм үү? Чи бол далд явуулгатан, жүжигчин, нэг үгээр бол жинхэнэ хорон санаатан. Бүгд чиний хөөрхөн царайд хууртаад хортой хатгуурыг чинь анзаардаггүй болохоос.
-Чи намайг хөөрхөн гэж боддог юм уу? Би ямар их баярлаж байна гээч
-Хортой хатгуур чинь хаашаа орчихов?
-Худал хуурмагт анхаарлаа хандуулах нь миний зарчим биш.
Түүний чухал төрхөнд тоглоом хийсэн шинж байсангүй, үнэнийг хэлэхэд бүр дургүй нь хүрсэн байртай харагдсан ч хачирхалтай нь надад түүн шиг нүд булаам охинд ийм төмөр мэт зориг илүүдэхгүй юм шиг санагдаж байлаа.
-Дахиад цай уух уу? гэж Цүкимори гартаа шаазан гүц бариад толгойгоо үл мэдэг хазайлган инээмсэглэхэд би
-Тэгье гээд дотроо цагаан туг мандуулан түүн руу цайныхаа аягыг сунгав. Түүний чөтгөрийн явуулгыг дахин жаахан сонжихоор шийдсэн хэрэг.

30 минут өнгөрөв.
-Ээж чинь оройтож байна шүү гэж би эсрэг талд суугаа Цүкиморид хандан хэлэв.
-Тийм ээ, тэр оройтно гэсэн
-Тэгээд хэзээ ирэх юм?
-ммм, 10 цагийн үед гэж бодож байна
-Тэгвэл 30 минутын дараа байх нь
Би түүнтэй нэг өрөөнд хоёулхнаа ийм удаан байсандаа тавгүйрхэж эхэлж байсан ч дахин 30 минут тэсэхээр шийдээд буйдангийн түшлэгийг хойш налав. Гэтэл Цүкимори:
-Яг нарийн хэлбэл 24 цагийн дараа гэх нь тэр.
Би урагш ухасхийн түүнийг ширтэв. Тэр яаралгүйгээр загварын сэтгүүл үзэх аж.
-Наадах чинь юу гэсэн үг юм?
-Тэр компанийхантайгаа аялалаар явсан. Маргааш ирнэ
-Чи намайг хуурчээ гэхдээ хоолой минь ямар цаана сонсогдож байгаад өөрөө гайхлаа.
-Би түүнийг оройтно гэж үнэн хэлсэн шүү дээ
-Наадахыг чинь ямар үнэн гэх юм. Би явлаа гээд суудлаасаа босч хаалга руу явав. Би түүний өгөөшийг ийм амархан үмхчихсэндээ өөртөө тэсгэлгүй уур хүрч байв. Гэтэл ямар нэгэн зөөлхөн зүйл миний гарыг бүрхэн авлаа. Цүкимори миний гарыг цээжиндээ тэвэрсэн нь тэр байж.
-Гуйж байна, намайг ганцааранг минь битгий орхиоч. Би айгаад байна.
Түүний гуйж байгаа төрх байдал бас гарт минь мэдрэгдэх тэр зөөлхөн зүйл намайг эргэлзэхэд хүргэв. Түүний энэ ердийн бус эмзэг байдал нь намайг урхидахын төлөөх зориудын үйлдэл байсан ч миний хамгаалах зөнг сэргээхэд хангалттай байлаа.
Гэвч миний ухаан санаа хэтийдсэн нөхцөл байдлыг намдаан, буруу шийдвэр гаргахаас хамгаалав.
-Чиний хөөрхөн царай надад нөлөөлөхгүй. Тэгээд ч энэ чинь шударга биш. Би чамтай үерхэхийг зөвшөөрөөгүй.
Нэг дээвэр доор хоёр өсвөр насны хүүхэд хоёулхнаа, уруу татагдахгүй байхын аргагүй орчин.
Би өсвөр насны жирийн нэг хүү болохоор энэ нөхцөлд цаашид юу болж болох нь надад үнэхээр сонирхолтой байлаа. Тэр тусмаа охин нь Ёоко Цүкимори байхад бүр ч.
-Чамтай бол дургүйцэхгүй гэж Цүкимори миний бодсон ёсоор урин даллах харц, ялдам үгсээрээ намайг эрхэндээ оруулахыг оролдов. Хэрэв бид огт өөр байдлаар танилцсан бол би Ёоко Цүкиморигийн урилгыг тэсч гарахгүй байсан нь тодорхой.
-Нэр төрийн хэрэг байна. Гэхдээ надад тийм бодол алга.
Гэвч тэрхүү хийсвэр ертөнцийн Нономияагаас ялгаатай нь жинхэнэ Нономияа тэсч байлаа. Учир нь энэ амтат өрнөлийг хүсэхээс илүү би айж байв. Эсвэл эрүүл ухаан дээр суурилсан болгоомжлол гэж нэрлэсэн ч болох юм.
Тэр юу төлөвлөө юм бол? Яг энэ үед түүний надтай үерхэхийг хүссэн жинхэнэ зорилгыг би олж харах шиг болов. Магадгүй тэр намайг алахыг биш гартаа оруулахыг хүссэн байх. Тэр өөрийнхөө хөөрхөн гэдгээ, бас үүнийгээ яаж өөртөө хэрэгтэйгээр ашиглахаа ч мэднэ. Ингэж байхыг нь би сүүлийн хэдэн өдрүүдэд хангалттай харсан шүү дээ. Тэгэхээр тэр намайг гарынхаа аясаар хөдөлгөдөг утсан хүүхэлдэйгээ болгохыг хичээгээ юм болов уу. Тэгсэн тохиолдолд би түүний нууцын талаар ганц ч үг ган хийхгүй гэдэгт тэр бат итгэлтэй байж чадна. Тийм биз дээ. Мэдээж тэр аллагын жор миний гарт орсныг, намайг жорын тухай мэдэж байгааг анзаарсан бол ийм байж болох юм. За ямартаа ч аль нь ч байлаа гэсэн би одоо эндээс аль болох түргэн явах хэрэгтэй. Миний таамаг зөв болж, Цүкимори өөрөө хэргээ хүлээсэн байлаа ч энд үлдвэл би эрт оройгүй түүний эрхэнд автах нь тодорхой болоод байв. Учир нь түүний хэлэх үгс худлаа байж болох ч хүслийг минь татаж байгаа нь үнэн. Байдал энэ маягаар үргэлжилбэл би түүний хоронд хатгуулах нь гарцаагүй. Тэгэх л юм бол хор миний биеэр аажим боловч зогсолтгүй тархаж, миний эсэргүүцэх чадварыг юу ч үгүй болгох болно.

Би түүний гарыг салган холдуулаад хаалга руу чиглэсэн ч Цүкимори надаас хоцорсонгүй, энэ удаад араас зүүгдэн намайг хориглохыг оролдов. Түүний зөөлөн халуу шатсан бие, анхилам үнэр хүслийг минь бадрааж, ухааныг минь балартуулав.
-Намайг юу гэж боддог чинь чухал биш гэж тэр хэлэх үед түүний зөөлөн амьсгаа хүзүүн дээр минь мэдрэгдэхэд би зугтаах хэрэгтэй болсноо мэдэхийн цаагуур мэдэж байсан ч өчүүхэн төдий ч хөдөлж чадсангүй.
-Надад хүр л дээ. Юу хүссэнээ хий гэх түүний таатай үгс чихээр минь урсан орж тархинд хүрээд, мэдээ алдуулагч цахилгаан гүйдэл болон бүх биеэр минь тархав. Хор хөлөнд минь нэвчиж, би ахлах сургуулийн туяхан охиныг эсэргүүцэх хүчээ хэдийн алдсан байх тул тэр намайг зөөлнөөр буйдан руу түлхэн унагаад налав. Цүкиморигийн араас тусах чийдэнгийн гэрэл түүний нүүрэнд нууцлаг сүүдрийг татуулжээ. Тэр миний мөрийг дэрлээд зүрхний минь цохилтыг мэдрэх гэсэн мэт хоёр гараа цээжин дээр минь тавив. Түүний нарийхан нүцгэн цагаан хүзүү миний эрүүн тушаа байлаа. Би үг хэлэх тэнхэлгүй хэвээр байсан ч
-Гуйя, би чамайг тэгээсэй гэж хүсч байна гэж Цүкимори чих рүү минь шивнэхэд яг л бурхны адислал лугаа адил надад сонсогдлоо. Тэгээд Цүкимори хүзүүг минь аяархан хазлахад түүний зөөлөн уруулыг биендээ мэдрээд миний мөр өөрийн эрхгүй салганан чичрэв. Би урьд нь хэзээ ч ийм мэдрэмж мэдэрч байгаагүй бөгөөд гижиг хүрэхтэй төстэй мэт боловч огт ондоо байлаа.
Миний бие бараг л хяналтаас гарахын даваан дээр ирсэн тул түүнийг холдуулахын тулд би гараа гулсуулан Цүкимориг цааш түлхэн дээш тэмүүлсэн ч тэр холдохоос татгалзан биеэрээ шахан зуурах үед миний гар түүний хөхөнд шүргэж, би цааш юу ч санахгүй болов. Гэтэл тэр мөчид Цүкимори дуу алдан гиншиж хамаг бие нь чичигнэв.
Би бут цохигдлоо. Түүний санаанд оромгүй энэ мэдрэмтгий үйлдэл миний эцсийн эрүүл ухааныг хөөн зайлуулах нь тэр. Би төрөлх совиндоо буун өгч, байраа сольж, түүнийг доороо оруулаад, нэг гараа хүзүүн дээр нь тавьж, шүүслэг улаан уруулан дээгүүр нь хуруугаа гүйлгэв. Түүний цэцэг мэт анхилам үнэрийг шунаглан сороод эгэмэн дээр нь үнсч хөлөө гуян завсар нь орууллаа.
Тэр миний хөдөлгөөн бүрт уян налархай хариулах аж. Миний биеэр гүйх эцсийн дусал цус хүртэл цэнгэл жаргалыг мэдэрч байв. Яг одоо Ёоко Цүкимори миний хяналтанд байна шүү дээ.
Агуу гэхэд ч багадмаар баяр хөөр мэдрэн, би хашхирахад ч бэлэн байлаа.
Энэ таатай мэдрэмжийг аль болох удаан үргэлжлүүлэхийг хүссэндээ би ухаанаа алдчихгүйг хичээн яарах хүслээ даран Цүкимориг аажуухнаар энхрийлэв. Гэтэл би түүний ердийн биш байхыг гэнэт олж хараад цочирдон, зүрх салгалав.
-Чи... Чи чичирч байна
Цүкиморигийн хүсэл дүүрэн нүд хэд хэд цавчлаад:
-Тэгсэн гэж үү? гэж Цүкимори уруулаа зөөлнөөр хөдөлгөн асуув. Тэр өөрөө мэдээгүй боловч бүх бие нь салгалан чичирч байв. Буруутай мэт санагдан, түрүүн цонхоор гаргаад шидчихсэн миний эрүүл ухаан гэнэт эргэн ирэв. Цүкиморигийн энэ байдал миний нүдэнд "татгалзал" шиг үзэгдсэн тул
-Бид ингээд хэрэггүй. Больцгооё гээд би өндийлөө. Би сайн хүн учраас зогсоогүй нь ойлгомжтой боловч нөгөө талаас хүсээгүй хэрнээ миний хүслийг хангах гэж байгаа хүнийг эрхшээдэг хүн ч бас байсангүй. Би ердөө л айж байлаа. Энгийн бөгөөд тодорхой. ТYYНИЙ өмнө залруулах аргагүй нүгэлтэн болохоосоо айж байлаа. Цүкимори буйдан дээр хэвтсэн хэвээр намайг гайхан харж байлаа. Түүний үнгэгдсэн дүрэмт хувцасны цаанаас цагаан арьс нь харагдсанд би өөрийн мэдэлгүй харц буруулав.
-Яагаад? Би зөвшөөрсөн шүү дээ
-Гэхдээ чи чичирч байна
-Сэтгэл хөдлөөд л тэр
-Би тэгж бодохгүй байна
-Үнээн гээд Цүкимори
-Энэ миний анхных, тийм болохоор яах ч аргагүй гэж үргэлжлүүлэв. Чихэндээ ч итгэсэнгүй. Хэлэх ч үг алга. Би босон харайгаад:
-Юу? гэж би бүх гайхшралаа ганцхан үгэнд нэгтгэн хашхирахаас өөр юу ч хийж чадсангүй.
-Хүн болгонд анхны удаа гэж байдаг шүү дээ гэж Цүкимори гэмгүй хариулав.
-Гэхдээ ингэдэггүй юм
-Хүн болгон ондоо
-Чи өөртөө юу хүссэнээ хийж болно. Гэвч энэ удаа намайг оролцуулж байгаагаа мэдэж байна уу?
-Тийм ээ, чиний зөв. Анх удаагаа болохоор чамд таалагдаж чадах үгүйгээ мэдэхгүй байна гэж тэр санаа нь зовнин хэлэв.
Тэр одоо тоглож байгаа байлгүй дээ.
-Аа, гэхдээ олон удаа хийх тусам би сайжирна гэдэгтээ итгэлтэй байна. Би хурдан суралцдаг гэдгийг мэднэ биз дээ. Сургууль ч тэр ажил дээр ч тэр.
Тэр үнэнээсээ ярьж байв.
-Наадах чинь асуудал биш.
Би хамгийн сүүлд хэзээ ингэтэл түгшиж байснаа санахгүй байв. Энэ үнэт туршлагынхаа төлөө чамд л талархъя даа Цүкимори.
-Чи яагаад ийм болгоомжгүй байдаг юм бэ?
-Би өөрөө ч гайхаж байна
-Ийм хайхрамжгүй байхаа болиоч
-Дурласан охид юунд ч дийлдэшгүй болдог гэж нэг хүн хэлж байсан юм байна. Бодсоноос минь илүү үнэн юм гээч. Яагаад гэвэл би одоо юу ч хийж чадахаар байна гээд Цүкимори толгой дохин зөвшөөрөв.
-Гуйя, зөвхөн өөрийгөө бодохоо болиоч гээд би хүндээр санаа алдаад
-Чиний тухай цуурхлууд юу болж таарч байна? Чи чинь олон хөвгүүдтэй байсан биз дээ? гэж асуув. Түүнд зүгээр ингээд л итгэчихэж чадсангүй. Цүкиморид “үүнийгээ алдах” тоо томшгүй олон боломж байсан байж таараа. Тэр зүгээр л намайг орондоо оруулахыг хүсээд байгаа юм биш үү?
-Би хэлмээргүй байна гэж тэр харц буруулав.
-Намайг энэ хүртэл чирчихээд ингэж хэлж болохгүй биз дээ. Надад мэдэх эрх бий.
-Хамаагүй ээ
-Хүүхэд шиг аашлахаа больж үз
-Чи намайг завхай амьтан гэж бодож байгаа гэж би мөрийцөхөд ч бэлэн байна гээд Цүкимори уруулаа чанга жимийхэд яг л сэжиглэнгүй бяцхан охин шиг сонсогдов. Намайг урхидсан тэр илбэч эм хаачив?
-За за, хэлэхийг хүсэхгүй байгаа бол асуухаа больё гээд ямартаа ч одоо ийм тэнэг хүн шиг байхад нь түүнээс юу ч асуугаад нэмэргүй гэж би бодов.
-Үнэхээр намайг хэлээсэй гэж хүсч байна уу?
-Одоо бас юу тэр вэ?
Тэнгэр минь гэж, түүнийг үнэхээр таамаглах аргагүй юм. Цүкимори уртаар амьсгаа аваад, шийдвэрээ гаргав.
-Би үнэнээ хэлье. Би хэд хэдэн хөвгүүдтэй үерхэж байсан.
-Тэгж ч бодсон юм аа
-Хөөе, эелдэг биш байна шүү. Чамд тайлбарлая. Би олон хөвгүүдтэй үерхсэн байж болно, гэхдээ би өөрийгөө хэнд нь ч өгөөгүй. Би бүр тэднийг чиний надад хүрсэн шиг хүрэхийг ч зөвшөөрч байгаагүй. Үнэн шүү.
-Намайг итгэнэ гэж бодоо юу?
-Тэд бүгд эелдэг, надад хайртай, сайн хүмүүс байсан.
-Сайхан хэрэг байна
-Гэхдээ үргэлж нэг л юм дутуу санагддаг байсан. Би тэдний хэн нь ч миний заяаны хань биш гэдгийг мэддэг байсан гэж тэр өнгөрсөн дурсамжиндаа автан гунигтайгаар хэлэв.
-Тэгвэл яагаад би гэж?
-Яагаад гэвэл чи бусдаас өөр. Анхандаа энэ зүгээр л ямар ч баталгаагүй миний мэдрэмж төдий зүйл байсан л даа. Эхлээд тийм ч их юм бодоогүй, зүгээр л чамтай үерхээд үзье гэж бодсон. Бусад хөвгүүдтэй байсан шигээ л. Тэртээ тэргүй хэн нэгнийг надтай үерхүүлнэ гэдэг амархан хэрэг.
-Наадах чинь миний үеийнхний амнаас гарах үг биш л байна даа. Чи ингэхэд хэдтэй юм бэ?
Миний үл тоомсорлосон байдал түүний инээдийг хүргэсэн бололтой баясгалантайгаар хөхрөв.
-Гэхдээ чамайг намайг тоолгүй өнгөрнө гэж зүүдлээ ч үгүй шү
-Чамд тааруулж амьдардаггүйг минь өршөөж үзээрэй
-Огтхон ч үгүй. Түүний чинь ачаар надад гэнэтийн шинэ зорилго бий болсон. Тэгэхээр сайн хэрэг.
-Амьдрал тийм л байдаг шүү дээ. Хэзээ ч хүссэнээр болдоггүй.
Түүний хөгжөөнтэй байдал үргэлж надад эсрэг нөлөө үзүүлдэг байлаа. Би түүнийг яасан ч бай эргээд өөрөө түүндээ унадагийг минь сануулна.
-Тийм шүү. Юм гэдэг яагаад хүссэнээр болдоггүй байна аа?гэж Цүкимори хэлэхэд энэ удаад би түүний ихэд чухал царайг хараад инээдээ барьж чадсангүй.
-Та нар шиг хүмүүс хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаа бол бидэн шиг ердийн хүмүүс бут цохигдох нь аргагүй юм байна л даа.
Түүнд бүх зүйл байгаа атлаа ийм зүйлд санаа зовж байгаа нь надад ямар ч утгагүй мэт санагдаж байлаа.
-Чи намайг хамаагүй хэтрүүлж үнэлдэг юм байна
-Хөндлөнгийн ажиглагчийн зүгээс харахад чи тэгж үнэлэгдэх бүрэн эрхтэй
-Тэгвэл би яагаад чамайг өөрийн болгож чадахгүй байгаа юм? гээд Цүкимори яг л дотоод сэтгэлийг минь уудлах гэсэн мэт нүд рүү минь цоргитол ширтэв.
-Хэн мэдэхэв? Би өөрөө ч мэдэхгүй байна гэж би арайхийн хариулаад харцаа буруулав. Мэдээжийн шалтгаанаар аллагын жороос болж байгаа юм гэж би хэлж чадахгүй байлаа.
-Өөдгүй амьтан
-Хүссэнээрээ л дууд
-Гэхдээ л би чамд сайн Нономияа-күн. Чи надад бүдүүлэг хэрцгий хандсан ч энэ өөрчлөгдөхгүй гэж Цүкимори үсээ илбэнгээ сэтгэл татам мишээл тодруулав. Үзэсгэлэнтэй юм.
-Юу гэж тайлбарламаар юм дээ. Чамтай ярилцах сайхан байдаг гэж тэр үгээ болгоомжтой сонгон хэлэхэд надад сэтгэлээ ойлгуулахын тулд хамаг хүчээрээ чармайж байгааг нь би ойлгов.
-Бид нэг нэгнийгээ үгээрээ давах гэж оролддог гэж болно. Бидний яриа хаашаа ч эргэж магадгүй байдаг болохоор сэтгэл догдлом бас зугаатай санагддаг. Би хэзээ ч чамтай ярилцаж ханадаггүй гэж Цүкимори хэлэхэд би чимээгүй болж түүнийг ширтэв. Тэр надтай адилхан сэтгэж байгаад би үнэхээр их гайхав. Харилцан ойлголцол дотно байдлыг амархан үүсгэдэг бололтой. Энэ хоромд Ёоко Цүкимори миний хувьд онцгой нэгэн болж хувирлаа.

-Чамтай үерхвэл өдөр хоног бүр ямар урамтай болохыг би бодож үзээд миний заяаны хань болох ёстой гэдгийг чинь ойлгосон юм. Тиймээс надад дүлэгнээд байх шалтгаан алга. Чи надад заяагдсан хүн, тийм болохоор миний анхны удаагийнх чамайг байгаасай гэж хүсч байна.
Би түүнд анхаарал хандуулж эхэлсэн энэ үед байдлыг улам дордуулах гэсэн мэт тэр улам ч дур булаам харагдаж байлаа.
Миний тархины шүүлтүүр аливааг өөрийн хүсэлдээ тааруулан хүлээн авч байх шиг байна.
-Би өөрийгөө ийм нүүрэмгий гэдгээ мэдээгүй шүү
-Ингэж уран жиргэж чаддагийг чинь мэдээгүй байсан ч болоосой гээд би гаднаа тайван байгаа дүр үзүүлэн мөрөө хавчив. Гэвч дотроо бол би үймэрч гүйцсэн байлаа. Сэтгэл санаа минь орвонгоороо өөрчлөгдсөнтэй дасан зохицоход ихээхэн хүч шаардаж байв. Энэ өдөр хүртэл бүхий л тохиолдолд би түүний гайхалтай царай болон өөрт нь бууж өгөхгүйн тулд хамаг чадлаа шавхсаар ирсэн билээ. Тэгээгүй бол би бусдын адил түүний гоо үзэсгэлэнгийн өмнө хохирогч болон сөхрөх байсан биз. Гэвч энэ зүтгэл минь одоогийн дүр зурагтай холилдон булингартсан тул би амарлингуй байхаа больж, нэгэнт сэрсэн зөн билиг минь урдаа байгаа ямар ч хамгаалалтгүй шүүслэг жимсийг амтал гэж тушааж байв.
-Би явлаа
Энэ удаад би үнэхээр явахгүй бол хожим өөрийгөө үзэх ядахад хүрэх байлаа. Гэтэл
-Чи шалгаж үзмээргүй байна уу? гэх Цүкиморигийн хоолой миний ард сонсогдов.
-Юуг шалгана гэж?
-Миний анхных мөн үү биш үү гэдгийг
Би эргэж хармаар байсан ч тэгээгүй нь дээр гэж шийдэв. Тэр эргэлзээгүй чөтгөрийн инээмсэглэлээ ашиглан миний шинэхэн шийдвэрийг мохоож таараа.
-Өнөөдөр болсон явдлыг мартаж үзээрэй. Би уг нь ийм хүн биш юм шүү
-Хүсэхгүй байна гэж тэр хэлэв.
-Мартсан нь дээр гэдгийг хоёулаа мэдэж байгаа
-Миний арай гэж учирсан заяаны ханьтайгаа өнгөрөөсөн үнэт мөч шүү дээ
-Чи энэ үгийг ийм хамаагүй хэлж байгаа чинь хачин юм. 10 жилийн дараа дахиж нэг хэлээрэй л дээ
-Би хамаагүй хэлээгүй. Бүх л охид төрсөн цагаасаа эхлэн заяаныхаа ханиа хайж эхэлдэг гэдгийг мэдэхгүй юу?
-Харамсалтай хэрэг байна гээд би салах ёс гүйцэтгэсэнд тооцон хаалга нээтэл миний ардаас яаран ирэх хөлийн чимээ сонсогдов.
-Үнэхээр намайг ингээд орхих гэж байгаа юм уу?
Ийм ганцаардсан үг хэллээ гээд нэмэр болохгүй шүү.
-Мэдээж
-Би чамайг үлдээсэй гэж ингэж их хүсч байхад уу?
Ингэтэл гуйсан ч нэмэргүй дээ.
-Юу л даа. Би аль болох түргэн гэртээ харимаар байна
-Чи үнэхээр хэцүү хүн юм аа, Нономияа-күн гэж Цүкимори хэлээд санаа алдав. Би өөрийн мэдэлгүй эргэн харж, түүнийг ширтээд:
-Ингэж хэлэх хүн нь ЧИ биш гэхэд Цүкимори миний гөжүүдэлсэн царайг хараад үнэн зүрхнээсээ инээд алдав. Гуйя, зүгээр л явуулчих л даа
-Баяртай
-Дараа уулзамз
Би сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэхийн тулд зориудаар чанга дэвслэн явахдаа түүний гунигтайгаар салах ёс гүйцэтгэн сулхан даллаж байхыг олж харлаа. Yүднийх нь хаалгыг хаах үед надад юу ч бодогдоогүй гэвэл худлаа ярьсан болох биз.


Last edited by zolushka_717 on May.29.15 4:55 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 4:14 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Hel usandaa aimar bish bolhoor ug n zondoo ih hodolmorloj bga ymsan. 5 hun unshij bga bololtoi


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 7:54 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Yaaay uneheer yu bodohoo medehgui bnaa. Yu boloh bol gesen taamag ch alga. Bayarlalaaaaa zolushka ^^

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 10:52 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.02.10 10:43 am
Posts: 173
Bayrlalaa unshij bgaa shu bitgii shantraarai^^ wm bichdeggui bolxoos unshdag xumuus zondoo bdgiishd hhe

_________________
эx орондоо xайртай^^


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 6:03 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Sep.10.09 9:45 am
Posts: 473
Location: Төв цэгт
Баярлалаа уншиж байгаа шүү. :cheerleader: Сонирхолтой ном байна заавал дуусгаарай. :whip: Ном дутуу уншихаар уур хүрээд байдаг юмаа. :frog:

_________________
Энхрий хайрт эх орныхоо төлөө


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 6:40 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.27.15 6:32 pm
Posts: 1
Уншиж байгаа заавал дуусгаарай


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 7:16 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 741
Энэ сэмээрхэн уншаад байгаа хүмүүс ил гарч ирээчээ :frog: Яг үнэндээ уншаад бичдэггүй хүмүүс зөндөө байгаа шүү.
Маш их баярлалаа бүүр сонирхол татаад байнга шалгаад л байна :hi:

_________________
Төв


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.27.15 9:51 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: May.27.15 9:50 pm
Posts: 2
unshij bgaashu, bayrllaa [SMILING FACE WITH SMILING EYES]


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 5:34 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.23.15 11:50 pm
Posts: 990
Орчуулагч нарыг үнэндээ биширч байнөө. Уншиж ойлгох нэг хэрэг, уран сайхны хэллэгт оруулж цаасан дээр буулгах чинь ямар ч хүнд ажил байдийн бэ дээ.

Над шиг анх удаа хөрвүүлэг хийж үзэж байгаа юм аминдаа л хийсэн шиг хийчих юмсан гээд л хичээхээр бараг нэг хуудсан дээр цаг суучих шахахын.

Тэгээл ахин дахин эргүүлж тойруулан нухаж нухаж, аминдаа өөрийнхөө хэмжээнд болчлоо доо гэж бяцхан баярлаад, за сүүлийн удаа уншчий гээл уншихаар энийг нь ч янзалмаар тэрийг нь ч янзалмаар харагдаад л, дахиал эхэлж байгаам даа. Тэгээл нэг үгий нь л янзалчихаар өгүүлбэрийнх нь өнгө аяс тэр чигээрээ өөрчлөгдчинө, аягүй кэцүү. Тэгээл тэр өгүүлбэрээ арай гэж янзалахаар тэр догол мөр нь гээд л цаашаа үргэлжилж өгч байгаам даа хөөрхий.

За тэгээд толь бичигтэй бол байнга найзлаастай, өвөртөлж унтахаа л шахна. 10 жил, их сургууль энэ тэрд нь яагаад англи хэл ордоггүй байсийн одоо бүү мэд. Yгүй тэглээ гээд би ч гэж би санаачлагатайхан шиг байгаад дугуйлан, курс мурсэд нь явчихгүй юугаа ч хийж байсийн. Тэрнийх нь гор одоо л илэрч байгаам байлгүй. Гэхдээ хоббигоороо дуртай юмаа хийж байгаа болохоор гомдоллоод байх юу байхав, дээрээс нь цаганд баригдахгүй тааваараа. Гэхдээ л сайхан таарсан үг олдохгүй болохоор санаанаас гарахгүй зовлонтой байгаам чинь. Өөр ном уншсан ч өөрийн мэдэлгүй үгээ хайгаад л, за тэгээд кануу мануу үзэж байгаа мөртлөө толгойдоо өгүүлбэрийн задаргаа хийцэн л суужийн.

Өгүүлбэр гэснээс, бүх үгий нь ойлгочоод байгаа мөртлөө өгүүлбэрий нь ойлгохгүй байх хамгийн тамтай юм билээ. Тийм үед толь бичгээ дахин дахин эргүүлээд л, үг болгоных нь утга нэг бүрийг нөгөө үгнийх нь утга болгонтой тааруулж үзнэ. Аргаа барсан хүний л ажил л дөө. Ингэлээ гээд ер нь л болдоггүй юм байна лээ. Яджаахад 5 өгүүлбэр тутамд найдвартай хэлц таарч байгаам чинь. 10 жилд байхад багш нар монгол хэл шиг олон хэлцтэй хэл байхгүй л гэдэг байсан. Yгүй юм билээ. Тэгэхээр нь гүүгл ах, яахуу эгч хоёроос л асууна даа. Цаад хоёр чинь харин аягүй давгүй сэтгэлээрээ тусалдийн. Олон удаа тусалсөөн надад. Дээрээс нь би өөрөө асуух явцдаа эсвэл надад олон янзын хариулт хэлэх үед нь давхар давхар шинэ юм сураад явчдаг ашигтай гэжугаа.

За тэгээд ч нэмэргүй бол айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр өөртөө л найдаж байгаам даа. Өдөржин шөнөжин толгойгоо гашилгасны эцэст яг завгүй өөр юм хийж байхад толгойд цахилгаан шиг цахилж орж ирээд л аанхаа гээл ойлгох үе зөндөө гарсийшд нээрэн. Яг энэ үед нь тэр дор нь тэмдэглэж авахгүй бол бас гэнэт ойлгосон шигээ гэнэт мартчих гээд байдаг болохоор бичих юм хайж хэрэндээ бөөн юм болноо. Утсан дээр биччий гэхээр дэндүү удаад, жижкэн үсэгнүүдээ хайж байх хооронд нөгөөдөх маань хаяад явчдаг байхгүй юу хэхэ.

Заримдаа ч уран зохиолын ном эхэлдэггүй л байж гэж бодогддийшүү. Аль нэг шинжлэх ухааны ном сонгосон бол түрүүний аргуудаа хэрэглэж байгаад чүү чамай ард нь гарах л байсан байлгүй. Хүний тархинд л хандахаас ямар сэтгэл рүү нь хөрвүүлэх биш. Түс тас түмпэн шанага гээл байгаа юмы нь бичигдсэн чигээр нь л буулгачина. Уран зохиол тэгж болохгүй шал тэнэг байгаам чинь хэхэ. Бичсэн чигээр нь монгол руу болгоод тавьчуул хув хуурай, сэтгэл хөдлөл нь мэдрэгдэхгүй, ямар ч амьгүй зүгээр л нэг текст болцон юм шиг санагдаад байж сууж болкун байлээ. Уг нь уншиж байхад үйл явдал нь нүдэнд харагдаад л, байгаа газар нь биеэрээ очцон юм шиг санагдаад л, дүрийнх нь өмнөөс бодоод л, түгших үед нь түгшээд л, сандрах үед нь сандраад л, баярлах үед нь баярлаад л байдаг. Тэгээд хөрвүүлэхээр тэр нь хаачсийн бүү мэд, зүгээр л бөөн үг болоод хувирчина. Тэгээл өөрөө өөртөө зовлон удаж, уншиж байхад төрсөн мэдрэмжээ зохиолын үйл явдлаас гажихгүйгээр, зохиолчийн ашигласан үгээр илэрхийлэх хэрэгтэй болж байгаам даа. Миний сэтгэлд хүркү байгаам чинь уншиж байгаа хүнд яаж таалагдахав дээ тээ.

Заримдаа их сайхан урамтай нь аргагүй гулсаал гулсаал явчинөө. Заримдаа яаж ч хичээгээд ганц ч өгүүлбэр гараас гаркү, бүр таааг гацчина нээх ядаргаатай. Нэг удаа нээх баяртай байх үедээ за гялалзуулчий гээл суусан чинь түгшүүртэй хэсэг таараад яаж ч оролдсон нээх хиймэл болж буугаад байхаар нь дараа болъё гээд орхицон хэхэ. Тэхээр нь сүүлийн үед миний өөрийн сэтгэл санааны байдлаас болдийн байна дөө гээд толгой муутай буруугаа сэтгэл санаа руугаа чихдэг болсон хэхэ. Намайг орон гаран юм байна гэж бодох вий дээ, яанаа.

Орон гаран гэж бодуулкүүн тулд бодсон бодлоо хэлий хэхэ. Орчуулагч гэдэг их сайхан мэргэжил юм гэж боджийн. Аймар мэдээжийн юм хэлчлээ шд тээ. За тэгүүл дуучин, жүжигчин болоход мянга хөдөлмөрлөөд авьяасгүй л бол гавьдаггүй шиг сайн орчуулагч болоход ч төрөлхийн авьяас хэрэгтэй байдийм шиг байна. Авьяас гэснээс урлаг, спортынхноос ондоо авьяас шаарддаг мэргэжил ер нь ховор байх шүү тээ. Заза мэдэхгүй юм, байдаг ч байж мэднэ. Тэгүүл мэдрэмж шаардсан мэргэжил гэхиймуу. Зохиолчид мэдрэмж шаардлагатай байдаг шиг орчуулагчид ч бас зайлшгүй хэрэгтэй эд байна лээ. Гэхдээ арай өөр төрлийн мэдрэмж. Зохиолч өөрийн санааг цаасанд буулгахын тулд тохирох үгээ сонгохдоо нарийн мэдрэмжээ ашигладаг бол орчуулагч бусдын мэдэрсэн мэдрэмжийг бусдын үгээр бусдад хүргэхийн тулд өөрийнхөө мэдрэмжийг ашигладаг. За тэгээд бусад мэдээжийн эзэмшсэн байх ёстой чадваруудыг хэлээд яахав, угаасаа хүн болгон мэдэхийм чинь.

Орчуулагчийн талаарх миний бодол нэг иймэрхүү. Миний хувьд гэвэл хуучны мундаг мундаг орчуулгатай номыг уншиж өссийн болохоор, сайн орчуулгатай ном хүнд ямар сэтгэгдэл төрүүлдэгийг гадарлах болохоор, тэр хэмжээнд хүрнэ гэж над шиг юм мөрөөдөх ч хэрэггүйг мэдэхийн цаагуур мэддэг ердийн нэг номонд шимтсэн сонирхогч байгаамөө. Миний яаж алингаа алдаж байгааг уншсан бол миний чадал чансааг багцаалцан байх тээ. Ичмээр л юм. Гэхдээ үнэн юм хойно. Тийм болохоор цаад чинь хэмжээгээ мэддийн болохоор том том юм амлакү, утга, найруулгын алдаа аль болох багатайхан шиг, үг үсгийн алдаагүйхэн шиг, зохиолчийн бичсэн хэв маягийг нь алдагдуулчихгүй эвтэйхэн байх юмсан л гэж боджаагаа.

За тэгээд дэлхийн олон орны соёлыг монголд түгээн дэлгэрүүлдэг, уран сайхны ертөнцөөр дотор нь орсон мэт аялуулдаг, түм түмэн баатруудын жаргал, зовлонг оронд нь байгаа мэт мэдрүүлдэг, чадвартай, мэдрэмжтэй, авьяаслаг орчуулагч нартаа хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолъё.

Жич: Номынх нь дууг сонсож ногоотой шөлий нь ууснууд нь, орчуулгаар дагнаад про болоод төгсөрцөн хүмүүс миний энэ хөглөсөн постыг уншвал элгээр явах байх даа хэхэ.


Top
   
 Post subject: Re: Сарны туяа
PostPosted: May.28.15 5:53 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: May.31.13 5:35 am
Posts: 2640
Yaanaa bi zun fanfic orchuulna gej zorilgo tavisan bga, nileen alaltsah um shig bainadaa. Chinii orchuulagiig law golood baih umgui l gej bodogdoj bnoo. bitgii sanaa zowoo, huch hudulmur gargaj setgel shingesen bga n ih medegddeg shu unshihad ch saihan baidag. Orchuulagaa hiiseer bgad yadargaand orchihwoo sain untaj amraarai :)

_________________
diduputurnameindaGobletofFiiyaah


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 124 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Baidu [Spider] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited