#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.17 10:31 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 
Author Message
PostPosted: Mar.29.15 11:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Захиргаадалтын мугуйд үед бичигдсэн гэх энэ зохиолыг уншаад үзэхийг хүсье найз нараа...

Top
   
PostPosted: Mar.29.15 11:35 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Өндөр уул давж
Өргөн мөрөн гаталж
Сур дөрөөгөө сунатал
Төмөр дөрөөгөө сэтэртэл
Жийж явахдаа
Олон улсыг эзэлж
Биеийг нь хураахаас
Сэтгэлийг нь хураагтун
Сэтгэлийг нь хурааваас
Бие нь хаа одох
"Алтан товч"-оос

Энэ бие хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү
Саруул ухаанаас илүү
Сайхан нөхөр байдаггүй
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй
Эрхэм итгэл олон боловч
Энэ бие бүгдээс итгэлтэй
Хайрлах юм олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
"Монголын нууц товчоон"-оос

I
Намар орой болсон ажээ. Зах хязгааргүй уудам тэнгэрийг орог саарал, зарим газраа нүсэр үүл нэвсийн дарж, нарийн ширхэгтэй шиврээ бороо нуугин орно. Энэ жилдээ л сүүлчийнх бололтой энэ бороо хоёр дахь өдөртөө үргэлжлэн орж байна. Хэзээ зогсох нь мэдэгдэх янзгүй. Бие дагжуулан жихүүцэл төрүүлнэ. Бороо шөнөдөө цас болох янзтай.
Их уулын мод шарлаж хатан, норсон навчис хөл доор хөглөрнө. Хааяа бас дээрээс эргэлдэн унана. Их тайга анир чимээгүй дүнсийх нь түүний дотор амьд амьтан нэгээхэн ч үгүй юм шиг бие зарсхийлгэнэ. Гэвч яалаа гэж тийм байх билээ. Энэ орчлонгийн амьдрал гэгч эцэс төгсгөл үгүй. Бас зогсож саатна гэж ерөөс байдаггүй. Сэтгэх ухаант хүнээс эхлээд л ургамал амьтан, уул хад, гол мөрөн, загас жараахай, өт хорхой, өчүүхэн бирд, нян, ян цөм л өөр өөрийн жамаар өсч үржиж, өтөлж өнгөрч, дахин дүрс хувилан эргэж байдаг нэгэн их хүрд билээ. Нар салхи, цас бороо, тэнгэрийн эрхэс, од гариг, дотоод гадаад сав ертөнц, газар дэлхий, орчлон хорвоо гэгч амьдралын их хүрдийг агшнаа ч зогсоолгохгүй ажиглан харж, нөхцөлдүүлж байдаг буюу.
Амьдрал ийнхүү мөнхөд болохоор үхэх төрөх, зовох жаргах, уйлах дуулах, баярлах гомдох, урваж шарвах, үнэнч байх, доошлох дээшлэх, алдах онох, сэнхрэх мунхрах, учрах хагацах, эвсэх эвдрэх, овойж сагах, омтгойрч гуних аль алин нь ээлжилж солигдон халаагаа өгч авалцан эргэлдсээр байдаг ажээ. Тийм болохоор их уулын их тайгад амьдрал хэрхэн тасран зогсох билээ. Хоёр өдрийн усан бороонд нэвт цохиулсан их уулсын хөрс чийгэнд ханасан боловч нэмэн орох усыг шингээн авсаар л байна.
Монгол туургатны онгон шүтээн болсон Бурхан халдун уулын оройд манан хөшиглөн зууралдан байх нь цагаан малгай өмссөн мэт харагдана. Бороо шивэрсээр орой болов. Их үүл улам ч зузааран хуралдсан юм шиг санагдана. Газарт буусан ус тэрхэн дороо л эргэж дэгдэж хөөрөн үүл манан болоод байна уу? гэж бодмоор. Үе үе хүйтэн салхи хавирга нэвт үлээнэ. Өөр ямар ч анир чимээ үл сонсогдох ажээ. Амьдрал энд дуусаагүй ч гэсэн амьтай амьсгаатай бүхэн цөм орон гэр, ичээ нүхэндээ орон ямар нэгээс болгоомжлон амьсгал даран хүлээж байгаа юмуу гэлтэй.
Ийнхүү шөнийн гүн харанхуй хавь орчныг нөмрөн авч тэнгэрийн эрхэс үүлэнд халхлагдан сунгасан гарын хэмжээний газар ч харагдах, баримжаалагдах аргагүй болж, бүх юм нүд ширгээсэн өтгөн харанхуйн дунд ууслаа.
Дахиад наран мандаж гэгээн цагаан өдөр болж гол горхи харгин урсаж, олон зүйл шувууд жиргэн донгодож, цэцэгс өнгө алаглан найгаж, араатан гөрөөс үсрэн дүүлж, хүлэг морьд уралдан давхиж, хүүхэд багачуулын гийнгоолох уянгалаг дуун чихнээ хадан цуурайлахгүй юм шиг санагдана. Гэтэлшгүй харанхуй орчлон дэлхийг нөмөрсөн хэвээр...
Энэ гүн харанхуйн дундаас өчүүхэн цэгийн төдий гал ёлтойн байхыг нарийн ажигласан хүн олж харж болох байлаа. Тэрхүү гал хариугүй унтрах гэж буй, эгээ л эцсийн амьсгалаа хураахад хүрсэн хүний амь шиг харагдавч ямар ч гэсэн түнэр харанхуйг нэвтлэн ёлтойн гэрэлтсээр байна. Тэр гал Бурхан халдун уулын цээж бэлд харагдана. Энэ усан бороо, хөшиглөсөн харанхуйн дунд юун учиртай, ямар гал гарч буйг хэн мэдэх билээ!
Он жил олныг ардаа үлдээсэн саглагар бүдүүн модны аварга мөчир доор нуугдуулан барьсан бяцхан эмбүүлийн үүдэн талд хуурай мөчир чад падхийн шатаж яльгүй гашуувтар утаа гарна. Эргэн тойрны бүх юм усанд нэвчин, газар дэлхий усаар уйлагнан байхад энд яахлаараа ийм хуурай мөчир байдаг билээ гэж хэн хүнд гайхал төрмөөр. Эмбүүлийн баруун хаяанд хуурай мөчир зөндөөнийг хураасан харагдан. Борог өвч зузаалж дэлгэн дэвсгэр аятай болгосныг эс тооцвол эмбүүлийн дотор хүний хэрэглэх юм юу ч байсангүй. Хуудмагхан харсан хүнд энд зөвхөн бороо өнгөөрөөгөөд л явах хүн орж хоргоджээ хэмээн бодогдмоор. Гэвчиг тийм биш билээ. Галын дэргэд арав өнгөрч яваа насны залуу хүү алив нэгэн чимээ чагнасан юм шиг сэрэмжлэн сууна. Насандаа өндөр нуруутай, биерхүү, бор үстэй, хонин бор нүдтэй түүний царай нь зоримог, шийдмэг байдлыг илтгэнэ. Бүдэг туяат нүдээрээ түнэр харанхуйг өрөмдөн ширтэхийг хажуугаас нь харвал бие жихүүцмээр. Энэ хөвгүүн модны нөмөрт нуугдуулан барьсан эмбүүлд ес дэх хоногоо өнгөрөөж байгаа нь энэ.
Тэр, галдаа хааяа нэг хуурай мөчир нэмэн хийхдээ ч хурц нүдээрээ харанхуй руу ширтсээр, гар нь тусдаа юм шиг хөдөлнө. Түүний бодол эмбүүлээсээ аль хэдийн халин ниссэн нь тунчиг тодорхой байлаа.
Би чинь дээд тэнгэр төрөлтэй Бөртэчино Гуа-Маралаас гаралтай хүн. Тэндээс Батцагаан хүү төрж удам дамжин явсаар Добу мэргэн Алангоотой сууж таван хүү гаргасны Бодончар нь миний дээд төрлийн үүсэл болсон. Бодончар дээд хэдийгээр мунхаг гэдэг хочтой байсан ч гэлээ ухаантай гэгдэж байсан ах нартаа "Ахаа, ахаа бие тэргүүнтэй, дээл захтай сайн" гэсэн үгийг хэлэхэд цаадуул нь ухаж ойлгохгүй мунгинаж байсан гэдэг.Бодончарын хөвүүн Хабич баатар, түүний хүү мэнэн Тудун. Түүний хүү Хачи хүлүг. Түүний хүү Хайду. Хайдугийн хүү Байшинхор, түүний хүү Тумбинай сэцэн. Тумбинай сэцний хүү Хабул хаан. Хабул хааны хүү Бартан баатар. Бартан баатрын хүү Есүгэй баатар. Есүгэй баатрын хүү Тэмүүжин би. Ийм дээд төрлийн би намрын усан бороон дунд өвсөн эмбүүлд найм ес хоног хоргодон байна. Хатаж унасан үрэл мойл мэтхэнээр өл залган, өвсний шүүдрээр ундаа хийн суунам.
Баатар аав Есүгэйг эсэн мэнд цагтсан бол тайчууд намайг Бурхан халдунд зугтаалган гаргах зүрхтэй байсан гэж үү? Сайн эцгийн нэр сүр дутаж байна. Нөмөр түшиг нь үгүйлэгдэж байна. Тиймээс л би харцаганаас зугтсан болжмор шиг боллоо. Эрийн цээнд хүрч, эрхийн тэнхээ гүйцсэнсэн бол... гээд Тэмүүжин биеийн чилээг гарган цээжээ хөдөлгөв.
...Тэмүүжин дүү Хасарын хамт Онон голын нэгэн тохойноос гох дэгээгээр хэдэн загас барьж ирээд шарж байтал тарвага зурманд тавьсан урхиа эргэхээр явсан Билэгтэй байдгаараа амьсгаадчихсан давхиж ирэв. Тэмүүжин түүний барааг хамгийн түрүүн бүр холоос харсан билээ. Ямар нэг юм хашгираад байх шиг санагдахад галзуу нохойд хөөгдсөн юм биш байгаа гэх бодол түүний толгойд сэрхийн орж ирээд Билэгтэйн зүг түгшин харсан. Тэмүүжин нохойноос яагаад ч юм бэ их айдаг, түүнийг бусдад мэдэгдэхгүй гэж тун хичээдэг боловч ойр тойрныхон нь түүний энэ занг мэддэг билээ. Энэ удаа ч галзуу нохой хэмээн үнэнхүү сэтгэлээсээ боджээ. Энэ нь огтоос гайхалтай бус. Наран хэдийн гудайсан байв. Тэр яагаад ч юм бэ нарыг харж амжжээ.
- Тайчууд, тайчууд! гэсэн үг Билэгтэйн ойртон айсуйд түүний амнаас сонстов.
- Үнэхээр галзуу нохойд хөөгдсөнийг нь би алдалгүй таасан байна. Тэхдээ тайчууд хэмээх галзуу ноход бол угаадасны шавхруу горьдсон хотны галзуу нохдоос ч аюултай. Хамгийн өстөн дайсан гэсэн бодол Тэмүүжингийн толгойд гялсхийн бууж тэр олон ч юм цааш нь бодолгүй, гэртээ орж юу ч авалгүй нэг моринд мордон Бурхан халдуны шугуй руу байдаг хурдаар нь ухасхийлээ. Хасар нум сумаа шүүрэн авч байгааг халти харав. Ядаж нум сумаа авдаг байж дээ гэсэн бодол толгойд нь хурамхан зуур гялсхийн орж ирсэн боловч тэнгэр өөд гозойсон цагаан тоос босгосоор зэр зэвсэг агссан олон морьтон, морьдын туурай тачигнуулан уурайлан давхиж ирэх бараа гарсанд хамаг хурдаараа Бурхан Халдунг эгээрчээ.
Тэмүүжиний хүрээний өрх айлынхан уйлалдаж орилолдон, бужигнаж үймэлдэн эх захаа алдацгаалаа. Ноход хуцалдаж, хүүхэд шуухад байдаг хоолойгоороо уйлж чарлана. Бас сум исгэрэн нисэх нь Хасар харвалдан байлдаж байгаагийнх бололтой. Өөлүн үжин бага хүүхдүүдээ бараадан гуу жалга бараадан гүйнэ. Таргадай-Хирилдэг тэргүүтэй тайчууд Тэмүүжиний хүрээнд юунд ч тогтоогдошгүй хүлгийн хурдаар давхилдан орж ирэв. Таргадай-Хирилдэг, өөхлөн таргалж, мах нь боосон биедээ хүлэгдэн, эмэгтэй хүнийх шиг нарийхан туниагүй дуугаар, гүрээнийхээ судсыг гүрэлзүүлэн байж,
- Тэмүүжин ахаа л гаргаж өг. Бусад чинь хэрэггүй гэж хашгиран байх нь уулын модны захыг нэгэнт бараадсан Тэмүүжиний чихэнд хүрэв. Энэ үгийг сонсоход түүний үс босон, ар зоо хүйт дааварлалаа.
Ихсийн газар тайлгын идээ өргөх ёслол дээр Өөлүн үжин Амбагай хааны Орбай Сухтай хоёр хатантай гоморхлын үг ярилцсаны дараахан тайчууд Есүгэй баатрын өнчирсөн ар гэрийнхнийг хар буудалдаа хаяж нүүсэн цагаас хойш Таргадай-Хирилдэг тэднийг нүд салгалгүй алхам гишгэлт бүрийг нь хянан байсан билээ. Есүгэйнхнийг ийнхүү хаяж явсан нь тайлгын идээний ёслолд Өөлүн үжин хожимдож ирснээс болсон юм биш ээ. Есүгэй баатрыг амьд ахуй үеэс түүнтэй өрсөлдөх санаа өвөрлөн, гэвч түүнийгээ ил гаргаж чадахгүй гадна өнгөндөө номхон морь шиг байсан Таргадай-Хирилдэг өс өвөрлөснийх юм. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчээр Есүгэй баатрын эр чадал байлдах эрдэм, ов мэх, дайсандаа өчүүхэн ч хүлцэл үзүүлдэггүй хатуу зангий нь мэддэг Таргадай-Хирилдэг түүний ууган хүүгээс ихэд болгоомжлон байлаа.
Есүгэй баатрын шадар нөхөд, хүрээний нь хүмүүс, түүний дотор ойрын хамаатан саданг нь хүртэл цөлбөн араасаа дагуулж явсан тэр, Тэмүүжин тэнхрэн хөл дээрээ босч иртэл бас ч нилээд хугацаа өнгөрнө гэж бодож байлаа. Гэтэл Тэмүүжин эцгийнхээ ясыг даган хар багаасаа шийр зааж эхэлсэн тул эргэлзэж тээнэгэлзэн эргэцүүлж бодож, өөрийн бодлоосоо айн хулчийж, бас дахин бодсоны эцэст энэ өдөр зориг орон шадар нөхдөө хүрээндээ цуглуулж ирээд,
- Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив. Тэмүүжинг барих цаг болжээ гэж чихарган дуугаараа өчихөд цугларагсадын хэн нь ч түүнийг эсэргүүцсэнгүй. Тэд бүгд л Есүгэйн хүрээнээс урван Таргадай-Хирилдэгийг дагасан болохоор Тэмүүжинг тэнхэрч хараахан амжаагүй байхад нь дөнгөлөх бодлыг өвөр зуураа агуулан явсан ажээ. Тэмүүжиний авга ах Дарьдай Отчигон, ойрын төрөл Сача-бэхи, Алтан, Хучир, Тайчуу

Top
   
PostPosted: Mar.31.15 10:55 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 758
Уншиж байгаа шүү, үргэлжлүүлээрэй :cheerleader:

_________________
Төв

Top
   
PostPosted: Apr.06.15 1:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
bayarlalaa Bloodoo saihan nom ehelsend

Top
   
PostPosted: Apr.09.15 12:22 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
[quote="Bloood"]Өндөр уул давж

- Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив. Тэмүүжинг барих цаг болжээ гэж чихарган дуугаараа өчихөд цугларагсадын хэн нь ч түүнийг эсэргүүцсэнгүй. Тэд бүгд л Есүгэйн хүрээнээс урван Таргадай-Хирилдэгийг дагасан болохоор Тэмүүжинг тэнхэрч хараахан амжаагүй байхад нь дөнгөлөх бодлыг өвөр зуураа агуулан явсан ажээ. Тэмүүжиний авга ах Дарьдай Отчигон, ойрын төрөл Сача-бэхи, Алтан, Хучир, Тайчуу, Бүрбөх нар хүртэл амаа үдүүлсэн мэтээр дуугүй байцгаалаа. Тэдний сэтгэлийн дотор ямархан бодол санаа агуулагдаж байгааг хэн яаж мэдэх билээ. Нүд нүүр царайг нь өнгөц ажигласан хэн ч дүрлэгэр хар нүд, хүрлэгэр царайны цаанах өөрчлөлтийг олж харахааргүй байв.
- Тэмүүжин хаана байна? Тэр бэлтрэг хаачив? хэмээн Таргадай-Хирилдэг хоолойгоо шахан хашхирч, сэлмээ хуйнаас нь сугалан агаарт хий эргэлдүүлэн хоосон сүр үзүүлнэ.
Тал нутгийн амьдралын эрээнтэй бараантай байдал дор аж төрж, уулгалах дайраан, ухрах, довтлох, уйлах дуулах, өнөөдөр ялж, маргааш ялагдан, дахиад ялж омог бардам зангаар омтгойрон байдгийг аль олонтаа үзсэн хүрээнийхэн дув дуугүй байцгаана. Чингэтэл тайчуудын тэргүүлэгчдийн шадар хэн нэгэн нь - Өнчин бэлтрэг Бурхан халдуны шивээ рүү орж явна хэмээн байдаг хоолойгоороо хашхирахад бүгдийн харц онголон шүтдэг тэр уулын зүг шилжлээ. Тийн бүгдээр хүлэг морьдынхоо хар хурдаар уулын зүг давхицгаав.
Энэ зуур ой тайгын гүнд шурган орсон Тэмүүжин цүнхээлийн усандаа орсон загас адилаар шивээлэн ургасан их моддын дундуур зүтгэж, мод битүүрэхэд мориноосоо буун хөтөлж амьсгал давхцах тамир тэнхэл алдрахаа умартан чихэнд нь: "Тэмүүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй" гэсэн үгс давтагдан цуурайтахыг л мэдэрч улам урагш зүтгэн мацаж байлаа.
Нэхэгсэд уулын бэлд хүрэн Тэмүүжиний хойноос хэдэн сум харвасан боловч тэр нь модонд зоогдон хоцров. Арваад хүн явгалан ойн гүн рүү орлоо. Барагтайд наран нэвтэрдэггүй их ой чийглэг үнэрээр угтлаа. Эрэлчид хашхичиж гуугчин сүр үзүүлэх нь зугтааж яваа Тэмүүжинг айлгахаасаа илүүгээр мөрөө бууруулахад тус болно. Уулын модонд нэлээд гүн шурган орж, араас нэхэгсдийн дуун холдон алсаас бүдэг бадаг сонстож эхлэхийн хэрд Тэмүүжин амьсгал давхцан, тэнхэл алдарч ядарснаа мэдэв. Нэг бүдүүн шинэс модонд толгойгоо наан амьсгал дарж зогсоход зүрх нь түг түг хүчтэй цохилон бүх бие нь үл мэдэг чичирхийлнэ. Модны хатуу холтос духыг нь өвтгөхөд тэр модноос хөндийрлөө. Баатар аавыгаа ингээд тэвэрсэн бол ийм хатуу байхгүй дээ. Би ингээд ч нүцгэн биеэрээ зугтаж явахгүй хэмээн бодохуйд өөрийн эрхгүй хөмхийгөө зууна. Тийн хэсэг зуур амсхийгээд дахин дээш мацлаа. Нэхэгсдийн дуун улам л бүдэг бадаг сонстоно.
Элэнц хуланцын үес шүтэж ирсэн ариун Бурхан халдун уул ми дахин дээш мацлаа. Нэхэгсдийн дуун улам л бүдэг бадаг сонстоно.
Элэнц хуланцын үес шүтэж ирсэн ариун Бурхан халдун уул минь чамайгаа бараадсан цагт би алзахгүй. Мөнх хөх тэнгэр минь дээрээс ивгээж байна. Бурхан халдун уул минь доороос тулж байна. Өстнөөс өсөө авч өнчирсөн улс хүрээгээ босгон сэргээх цаг ирэх л бий гэж тэр бодон мацсаар Тэргүүн өндрийн балар шугуйд шурган оров.
- Өнчин бэлтрэг өлбөрч үхэх болохоороо л өөрөө гүйгээд гарч ирнэ. Бид энэ харанхуй ширэнгэ рүү шургаж, нүүр нүдээ мөчирт шавхуурдуулж явахын хэрэг юу байна. Даруйхан буцацгаая. Модны захад отоод хэвтэж байхад усанд орж ирж байгаа адуу шиг л ам уруу гүйгээд орж ирнэ хэмээлцэн нэхэгсэд бууж ирэв. Таргадай-Хирилдэг, тэд Тэмүүжинг барьж ирээгүйд дотроо тун чиг дургүй байсан боловч түүнээ ил гаргаж зүрхэлсэнгүй.
- Харж байгаа биз дээ, ээж дүү нараа хаячихаад хамгийн түрүүнд хар толгойгоо бодоод зугтаж байгааг нь. Ийм л муу санаатай бэлтрэг учраас дөнгөд оруулаад дөрвөн хөллүүлэх хэрэгтэй байгаа юм. За эндээ хэд нь үлдээд сахиж бай. Бас нэг хэд нь гэрт нь очоод сахь. Шөнийн харанхуйгаар л хоол шиншлээд гарч ирэх вий. Унтаж үүрэглэж байгаад урагшгүй золигууд алдчихваа! гэлээ.
Миний хүү Улдай энэ Тэмүүжин шиг ухаантай сэргэлэн биш юм даа. Эцэг хүн өөрөө өөрөөсөө юу нуух билээ. Улдай хүү мохоо ухаантай, түүнийг яаж ч нуух гээд нэмэргүй хэмээн Таргадай-Хирилдэг дотроо бодон шадар нөхдөө дагуулан мориныхоо амыг сул тавин галигуулна. Тэр бэлтрэгийг барьж чадаагүй минь харамсалтай байна. Нэр төрд жаахан эвгүй юм боллоо. Гэхдээ чи миний гараас мултрахгүй. Хүзүүнд чинь дөнгө зүүлгээд хөлд чинь тушаа хийгээд хүрээ хүрээ хэсүүлээд явах цагт чи ямар шөрмөстэй эр болохоо харуулаарай гэж уруулаа хазан бодно.
Тэмүүжин тэргүүн өндрийн шугуйд орсон хойноо л Таргадай-Хирилдэг тэргүүтэй тайчуудын гараас энэ удаад ямар ч л гэсэн мултарсан болохоо мэдэв. Нар шингэх хариугүй дөхжээ. Шугуй дотор үдшийн бүрий шиг л байв. Зугтаж харайж явсаар ангаж цангаснаа одоо л мэдэрлээ. Уруул нь хатан ам цангана. Гэдэс нь хонхолзоно. Эцгээсээ хойш гэдэс цатгалан байна гэдэг ямархуу болохыг бараг мартсан болохоор энэ нь нэг их төвөг удахгүй байв. Харин ам цангана гэдэг хэцүү ажгуу. Хэл нь хөшин хөдлөхгүй болж хоолой нь хатан дуугарч болохгүй болсон шиг санагдана. Булаг горхи ойр тойронд байна уу? гэдгийг тандан босч явлаа. Тийн явсаар хадны хонхорхойд тогтсон жаахан ус олж уун цангаагаа түр зуур ч атугаа тайлав.
Тайчуудын отуул гарчихсан амдаад байж байгааг тэр сайн мэдэж байлаа. Нэгэнт харанхуй болж эхэлсэн учир толгой хоргодох оромж хэрэгтэй гэж бодон модны мөчир цуглуулан эмбүүл барих ажилд оров. Төдөлгүй толгой хоргодох оромжтой болоод хар чийг унахаас өрсөн борог өвс зулгаан түүж дэвсгэр аятай юм болгоод түүн дээрээ хэвтлээ. Ард хоцорсон эх, дүү нартаа сэтгэл зовнино. Намайг барьж чадаагүй шарандаа Хасарыг аваад явчих вий. Өөлүн ээж миний хойноос цээжнийхээ махыг барж суугаа даа
Шар шувуу ойрхон муухай дуугарахад Тэмүүжин цочин ухасхийлээ. Ийнхүү цочсондоо өөртөө уурлав. Иймхэн юманд л цочиж сандраад байвал ямар эр хүн байх вэ. Амьтны элэг доог болж гүйцнэ. Баярлаж хөөрөх, айж сандрах, уурлаж хилэгнэх, гомдож гуних энэ бүхэн цөм л цээжин дотор багтаж байх ёстой. Тэр бүхнээ гадагш нь гаргаж дэлгээд байвал хэн дуртай нь чамаар шагай болгон нясална гэж бодлоо.
Түүний цээжинд өс хонзонгийн гал дүрэлзэнэ. Таргадай-Хирилдэг намайг барих гэж их л зориг гаргаж дээ. Би түүний эсрэг одоогоор хийсэн юм байхгүй. Харин хойшдоо бол тэмцэлдэх л болно. Би тэмцэхээс хэзээ ч ухарч шантрахгүй хэмээн Тэмүүжин бодож хэвтэхдээ Таргадай-Хирилдэгийг ийм алхам хийхэд хүргэсэн өөрийн далдуурын явуулга яагаад ч юм дурсан санасангүй. Энэ нь түүний мартамхайгаас бус, харин төрөлхийн зантай нь илүү холбоотой байх.
Одоогоор Тэмүүжин нэртэй, харъяат улс, хүрээ байхгүй, шадар дотны нөхөд, анд үгүй ёстой л хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж яваа энэ хүн өөрийг нь ямар хувь тавилан хүлээж буйг мэдэхгүй байв. Гэхдээ эцгийн бутарсан улсыг сэргээн босгож, тэрслэн явсан тайчуудаас ял асууна гэсэн бодол хар нутаг сахин үлдсэн тэр л өдөр төрснөөс хойш амьдралынх нь зорилго, өдрийн бодол, шөнийн зүүд болон ядрах цагт хүч нэмэн зоригийг хатаан яваа билээ. Энэ хүний амьдрал, үйл ажил нь дөнгөж эхэлж буй энэ цагаас хоёр л хүнтэй нарийн сүлбэлдэн нөхөрлөл ч гэх юмуу, сэм хуйвалдаан ч гэх юмуу, тийм нэгэн хачин байдлаар холбогдсон билээ.
Олон жилийн дараа, одоо Тэмүүжин нэртэй байгаа энэ хүн дэлхийн талыг байлдан дагуулахынхаа өмнө бүх монгол туургатныг нэгтгэн далай хаанаар өргөмжлөгдөх үедээ болон дараахнаар нь тэр хоёр хүнээ хоёуланг ээдрээт олон явдлын улмаас нударгалан дарсан билээ. Тэмүүжинтэй ийнхүү сэмээр холбогдсон тэр хоёр хүний аль аль нь Тэмүүжинг гүйцэхгүй ч гэсэн бас л өндөр уулын оргил өөд авирахаар санаархагдсад байсан нь ч эрхбиш түүнд дэм болсныг юун эс мартах.
Энэ хоёр хүний нэг нь Хөхчүү билээ. Хонхотаны Мэнлиг эцгийн дунд хүү. Нөгөөх нь Жамуух. Жажирдай буюу Жадран овгийн хүн. Тэмүүжинтэй холдсон садан төрөл. Гэвч юм бүхэнд ээлж дараа бий тул тэр цагт нь өгүүлсүгэй хэмээгээд өгүүлэх нь:
Мэнлигийн дунд хүү Хөхчүү дээд тэнгэтэй холбоо барьж сурсан гэнэ. Өвлийн хүйтэнд цээж нүцгэн явж Бурхан халдунд очиж онгод шүтээнээ тахидаг болсон юм байх аа хэмээх яриа амнаас ам, хүрээнээс хүрээ дамжин яригдах болжээ. Ингээд богинохон зуур Хөхчүү бөөгийн нэр хол ойрын газар алдаршин түгж хүн бүрий түүнийг хүсэн хүлээдэг, бас эмээн сүрддэг болжээ.
Есүгэй баатарт үнэнчээр зүтгэж явсан Хонхотаны Чирх өвгөний хүү Мэнлиг долоон хүүгийн хамт тайчуудыг даган явалгүй үлдсэн цөөхөн хүний нэг билээ. Есүгэй баатар нас барахынхаа өмнөхөн ойр байсан Мэнлигийг дуудуулан хүү минь, Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүүжин хөвүүнийг даруй явж авчир, хайрт Мэнлиг минь гэж захиад салсан түүний эцсийн үг байсан.
Тэгэхэд Мэнлиг Дай Сэцэнийд очихдоо Есүгэй баатрыг нас барсныг нуун, эцэг нь хүүгээ санаад байна хэмээн хэлсэн нь Хонхотаныхан Есүгэй болон түүний гэр бүлд үнэнч байсныг харуулж байна.
Сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй шахам үлдсэн Есүгэйн ар гэрийнхнийг тулж түшиж байгаа Мэнлигийн нэг хүү ийнхүү олны дотор огцом нэрд гарсан Тэмүүжин, эх, дүүст ямар ч л гэсэн хэрэгтэй байлаа.
Онон голын мөсөн дээр Тэмүүжин Хөхчүү хоёр шагай харван тоглож байгаад Хөхчүү дүн өвлийн хүйтэнд дээлийнхээ ханцуйг сугалдаргалан нүцгэн цээжээ гарган суухдаа ерөөс ажрахгүй байхыг нь олон удаа харсан Тэмүүжин - Хөхчүү чи энэ чигээрээ Бурхан халдуны оройд гарч онгон тахиад ирвэл бөө болох ид шидийг олно. Би өчигдөр чамайг цагаан морь унаад хөх тэнгэрт хөөрөн гарч эзэн тэнгэртэй ярилцаад бууж ирлээ хэмээн зүүдэлсэн. Ийм зүүд зүгээр нэг зүүдлэгддэггүй байх шүү! гэж өчихөд Хөхчүүгийн хүрэн бор царай цайж, онигор нүд нь загасных шиг мэлтийсэн байлаа. Тэмүүжин нэг биш удаа дотроо бодож тунгаан шүүсэн санаагаа ийнхүү Онон голын мөсөн дээр тоглон сууж байхдаа гаргаж хэлчихээд Хөхчүүг тун сэмхнээр ажиглан харна. Хөхчүү Хонхотаны долоон хүүхэд дотроос хамгийн ухаантай сэргэлэн нь

Top
   
PostPosted: Apr.09.15 12:23 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Одооноос идэвхитэйхэн оруулна аа. Багахан хэсгийг EDIT хийгээд оруулчлаа шүү найз нараа. Яг үнэндээ номын маань эхний нилээд хуудас урагдаад тасраад алга болчиж. Номын сангаас хайж олоод одооноос л оруулж байгаан цаадах чинь

Top
   
PostPosted: Apr.16.15 4:28 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 716
сайхан ном юм, гэхдээ яагаад ч юм Догшин жаран тун таалагдаж байсан юмсан,

Top
   
PostPosted: Apr.16.15 4:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3198
энэ номнуудыг ер нь шивж оруулдаг юм уу
scanner-даад шууд текст болгож хувиргадаг програмууд зөндөө байдаг болсон байна лээ
бараг утасны апп байгаа биз
крилл монгол үсэг таньдаг байх хэрэгтэй
OCR гэдийн бн

Top
   
PostPosted: Apr.16.15 10:16 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Одоо ч өөрөө орчуулаагүй л бол шивж суудаг хүн бараг байхгүй биз. Бүгд л наад зах нь FR-лэж байгаа байлгүй дээ.

Top
   
PostPosted: Dec.12.15 1:17 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Энэ номыг одооноос идэвхитэйхэн шиг оруулдахыг бодъё найз нараа... "Харгис зуун"-ы хувьд тийм амар ажил биш байдаг шүү. Ноцолдсоор л буй...

Top
   
PostPosted: Feb.03.16 6:11 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
билээ. Тиймээс ч Тэмүүжин түүнийг сонгож авсан нь тодорхой.
Би чамайг хамаг Монголын хаан болчихсон байна. Хайр хишгээ бидэнд тэгээд хүртээж байна гэж зүүдэлсэн. Ийм зүүд ч зүгээр нэг зүүдлэгддэггүй байх шүү! гэж Хөхчүү хэлээд Тэмүүжиний өөдөөс цоргин ширтэнэ.
- Зүүд зөн билэгтэй билээ хэмээсэн үгс Тэмүүжин Хөхчүү хоёрын амнаас нэгэн зэрэг урсан гарлаа. Тэгээд хоёул хөхрөлдөн тэврэлдэв. Онигор хар нүд, хонин бор нүдтэй мөргөлдөхөд аль аль нь бие биеэ бүрэн ойлгосон, итгэсэн байдал тодрох ажгуу.
Ухаан санаа, ургуулах бодол ижил хоёр хүн бие биеэ ойлгоно, ойлгох ойлгохдоо цухуйлгаж хэлээгүй олон давхрын цаана байгаа бодлоо ч ойлгоно гэж байдаг. Чухамхүү ийм тохиол Тэмүүжин Хөхчүү хоёрын хооронд болов. Үүгээр хоёул зорьсондоо хүрэхээр бие биеийн хүчинд түшин дэмжилцэх холбоо тогтжээ. Эцсийн дүндээ хэн хэн нь зорьсондоо бараг хүрцгээсэн билээ. Гэхдээ энэ нь олон даваа давж, олон сорил туулж, олон жилийн нүүр үзэж байж сая биелэх байлаа.
Тэр хоёр нэгэнт утгаа алдсан тоглоомоо зогсоон мөсөн дээрээс шагайгаа цуглуулан авав. Хөхчүү нүцгэн цээжээ гарган Тэмүүжинээс салж Бурхан халдун уул өөд мацлаа.
Энэ явдлаас хойш төдий л удалгүй Хөхчүү цагаан мориор хөлөглөн тэнгэрт гарч дээд тэнгэртэй уулздаг гэнэ. Дээд тэнгэр хэлэхдээ Тэмүүжинд би дэлхийг тэр аяар нь өгсөн. Та нар түүнд үнэнчээр зүтгэх ёстой гэсэн юм гэнээ гэсэн яриа газар аван тархсаар байв. Энэ үг Таргадай-Хирилдэгийн чихний хажуугаар яаж өнгөрөх билээ. Хөхчүү бөөгийн энэ үг түүний олон шөнийн нойрыг алдагдуулсан гэдэг. Онгон шүтээнд Таргадай-Хирилдэг бөөгийн хэлсэн энэ үгэнд хэрхэн сэтгэл төвшин байх билээ. Энэ үг л түүнийг Тэмүүжинг барихад хүргэсэн болой. Хөхчүү бөөгийн зөгнөн хэлсэн нь түүнийг Бурхан халдунд амь хоргодон суухад хүргэснийг Тэмүүжин өөрөө гадарлаж байсан уу? Далдын зөнгөөрөө тааварлаж байсан байх.
Есүгэйн Сочигал эхнэрээс төрсөн Бэгтэрийг Тэмүүжин Хасар хоёр хүч нийлэн хойд урд хоёр талаас нь мяраан харваж алсан сураг Таргадай-Хирилдэгт тун аятайхан, чихэнд нь зөөлөн сонстсоныг барагтай хүн гадарлахын аргагүй байв. Хөхчүү бөөгийн хэлснээс болоод би Тэмүүжинг барих гэж байна гэлтэй биш. Одоо бол гэм зэмгүй байсан, эцэг нэгтэй дүүгээ алсны учир түүнийг барих хэрэгтэй болсон юм гэхэд хэн ч юм хэлээгүй. Нөгөөтэйгүүр ах дүү нар өвөр зуураа гар хөлөө гэдсэндээ хийлцэн бие биенийгээ хороож байна гэдэг чинь хамгийн хүсүүштэй юм гэж тэрхэн дороо эргэцүүлэн бодсоноос эл сонссон мэдээ түүний чихэнд тун зөөлөн байсан бизээ!
Есүгэй баатар нас барах үед Өөлүн үжинээс төрсөн Тэмүүжин есөн настай, Хасар долоон настай, Хачуун алчи таван настай, Тэмүгээ отчигин гурван настай, Тэмүлэн охин өлгийтэй байв. Хоёр дахь гэргий Сочигал эхээс Бэгтэр, Билэгтэй хоёр гарсан байлаа.
Ийнхүү эцэг нэгтэй ч эх тусгаар хөвгүүдийн хооронд өрхийг тэргүүлэхийн төлөө тэмцэл ил алдаар, улам улам газар авсаар байлаа. Энэ нь хүүхдүүд анд явахад хэн нь юу алсан, ямар загас барьсан хийгээд морь уралдахад хэнийх нь түрүүлсэн, барилдаад хэн нь дийлсэн зэрэг өдөр тутмын зүйл дээр гарна. Барилдахад өсгөлүүн биетэй Хасар цөмийг нь давна. Харвахдаа Бэгтэр мэргэн ононо. Харин анд явахлаар Тэмүүжин яагаад ч юм бэ бусдаасаа хамгийн олон ан агначихсан байна.
Хүүхдүүд хоорондоо түнжингүй байгаа нь Өөлүн эхийн сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйлийн нэг боллоо. Тайчуудаас өс авч, Есүгэйн улсыг цуглуулан нэгтгэж өвөг дээдэс хөлс цусаа урсган явж байгуулсан хамаг Монгол улсыг сэргээн мандуулахад нэг эцгийн хүүхдүүд эв найртай байж, өсч өндийх явдал юунаас ч чухал байгааг эх хамгийн сайн мэдэж байв.
Нэгэн удаа барьсан загаснаасаа болоод дахиад л хоорондоо маргалдсан хэдэн хүүхдүүдээ Өөлүн эх цөмийг зэрэгцүүлж суулгаад, хүүхэд бүрийд нэжгээд сумны мөс өгч,
- Та нар хугал гэхэд тэр дор нь хялбархан хугалахад таван мөсийг нэг багц болгон өгөөд хугал гэхэд тэд хугалж чадаагүй гэнэ. Тэгэхэд эх,
- Эртний Алангуа эх таван хүүхдээ та нар шиг хоорондоо таарахгүй байхад яг ингэж сумны мөс өгч хугалуулсан юм. Ганц ганцаараа байвал ямархуу сул, хамтдаа нягт байвал ямархан хүчтэйг хараа биз дээ! гэж сургамжлав. Гэвчиг эхийн энэ үг хүүхдүүдэд ямархан сэтгэгдэл төрүүлэн үлдэж, тэдний ой ухаанд юу бодогдуулсныг хэлэхэд хэцүү. Тэд ойр нягт байхыг ойлгосон боловч бие биенээс өргөсөлдөх сэтгэл нь ухаарлаас давсан ч юмуу, эв түнжин нь төдий л сайн сайхан болоод явчихсангүй.
Хасар Бэгтэр хоёр анд явж байлаа. Гэтэл нэгэн бутан дотроос бор туулай босон дэгдлээ. Хөл доороосоо шахам туулай дэгдэн харайхыг харсан хоёр хөвгүүн түүний хойноос зэрэг зэрэг сум тавьцгаалаа. Чингэтэл Хасар хачин аймаар хашхиран газар тэрийлдэн унав. Бор туулай ч суманд өртөлгүй дэгдэн дүүлэн алга болжээ.
- Юу болчихсон юм бол гайхаж сандарсан Бэгтэр Хасар луу гүйн очвол цаадах нь газарт матиран хэвтэж орилно.
- Юу болчихов оо? Бэгтэр түүн рүү тонгойн асуувал, - Чи намайг харваж алах гэлээ? Харсан тэнгэр минь намайг чиний тавьсан сумнаас аварлаа гэсээр Хасар босч ирэн хувцасныхаа шороог гүвж нум сумаа шүүрч авлаа. Түүний хар цагаанаар эргэлдэн аймшигтай сүртэй харагдах ажээ. Уруул нь яльгүй чичирхийлэн өмөлзөнө.
- Тэмүүжин ах бид хоёрын дээр гарах гэсэндээ л чи сая намайг хороох гэлээ. Чи туулай харвах гээгүй, түүгээр далимдуулж намайг харвах санаа өвөрлөсөн байна. Чамтай би эрэгчин эмэгчнээ үзнэ гээд дайрахад нь Бэгтэр зугатан зайллаа. Тэр үнэндээ Хасарын харвах санаа агуулаагүй билээ. Нэг хоногийг гол зогоон өнгөрөөх хоолны махтай болъё гэж бодоод л туулай руу сум тавихдаа өөрөөс нь яльгүй урдхан байсан Хасарын чихний хажуухан талаар харваснаа ойлгов. Бэгтэрэй өөртэй нь төдийгүй эх нэгтэй төрсөн ах Тэмүүжинтэйгээ хүртэл маргалдан өөрийнхөөрөө зүтгэн байдаг Хасарын занг мэдэх тул тэр учир явдлыг тайлбарлан үнэнээр нь ойлгуулах гэж оролдоод ямар ч тус болохгүй, улам л зүтгээ занг нь хөдөлгөнө гэдгийг мэдэж байв.
Орой нь Хасар эл явдлыг ах Тэмүүжиндээ хэлбэл тэр хурц харцаа гялалзуулан алсын уулын орой ширтэн хэсэг дуугүй байснаа уртаар амьсгал татан ямар нэгийг шийдэв бололтой.
- Өстөн тайчуудаас хариугаа авахад нэг хүн ч болов хэрэгтэй л юмсан. Бэгтэр хэдийгээр эх өөртэй ч бидний эцэг Есүгэй баатрын л хүү шүү дээ! Гэхдээ тэр хүрээ толгойлох гэж зүтгэвэл бид хэрхэн хүлцэх билээ. Хэн өрссөн нь л толгойгоо мөрөн дээрээ авч үлддэг жамтай болохоор өрсөхөөс л өөр аргагүй боллоо хэмээн яагаад ч юм бэ сөөнгөдүү битүү дуугаар өчив. Энэ явдлаас хойш төдий л удалгүй нэгэн өдөр загасчилж байгаад гөхөд орсон нэг цайвар загасыг булаацалдаж нэмэр дээр нэмэр болов. Тийн Бэгтэр есөн шарга морио хариулан нэгэн довцог дээр сууж байхад нь Тэмүүжин Хасар хоёр урьдаас тохиролцсон ёсоор эх Өөлүнд мэдэгдэлгүй нум сумаа авч гэрээс сэмхэн гарч Бэгтэрийн хоёр талаар сэмхэн гэтэж ойртож харвах гэж байхыг Бэгтэр гэнэтхэн мэдээд огтоос балмагдсан байдалгүй тайван ч гэлээ харуусал дүүрэн гунигт дуугаар, - Тайчууд ах дүү нарын хөнөөлийг хүлээгээд өшөөгөө дуусган авч чадаагүй байтал та нар намайг яаж нүдний сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сүүдрээс өөр нөхөргүй, сүүлнээс өөр ташуургүй байж юунд ингэж байна, та? Голомтыг минь бүү бүрэлгэгтүн! Билэгтэйг бүү хөнөөгтүн! гэв.
Тэмүүжин Хасар хоёр бие биесийн зүг хяламхийн харж нүдээрээ ирмэлцээд сумаа нэгэн зэрэг тавихад Бэгтэр хөвгүүн тэр дороо үхэтхийн уналаа.
Хоёр хүү нь сүү долоосон гөлөг шиг хулмалзан хавчиганасаар гэртээ орж ирэхийг харсан Өөлүн эх тэрхэн дороо юу болсныг ойлгож царай нь хувьсхийн өөрчлөгдөв.
Мэргэдийн Тогтоо бэхийн дүү Их Чилээдүүгийн эхнэр болон олхонууд аймгаас гарч яваад зам зуурт Есүгэй баатарт булаагдан энд ирснээсээ хойш Өөлүн үжиний үзсэн, амссан амьдрал тийм ч хүн бүрийн хүсээд байхааргүй хатуу гашуун билээ. Эцэг, эхийн сүй тавьсан ёсоор Чилээдүүгийн эхнэр болох хувь тавиландаа итгэн, хамаг амьдралаа түүнд даатган тушаагаад явж байхад хэдэн морьтон давхиж ирээд Их Чилээдүүг хөөн явуулах үед царай алдан гуниглах Чилээдүүд Өөлүн үжин эцсийн удаа, - Миний үнэрийн үнэсэж яв гээд цамцаа тайлан өгч намайг санавал дахин авсан эхнэрээ миний нэрээр нэрлэгтүн, амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй, мухлаг тутам охид бий. Тэрэг тутас хатад буй хэмээсэн захиасаа захиж амжсан билээ.
Тэр цагаас хойш олон жил ард хоцорч, олон ч зүйл хувирч өөрчлөгджээ. Есүгэйтэй учрах үеийн өнгө жавхаа, үзэсгэлэн гоо нь цагийн саалтад харьснаасаа илүүгээр амьдрал туулсанд идэгдэн гундаж гандсан байлаа. Есүгэй Өөлүнг авчраад зарц боол биш эхнэрээ болгон авсан хувь заяанд захирагдаж тэр хамаг бодол анхаарлаа эр нөхөртөө бүрнээ зориулжээ. Есүгэй баатар амьд мэнд, алдар хүндтэй байхад бодох санах юм багатай байлаа. Хэдэн хүүхдээ л хүний дайтай хүн болгох юмсан гэдэг л нэг бодол байв. Гэтэл хатуу сорилын хар аянга гэгээн цагаан өдөр толгой дээр бууж бүх юм хурамхан зуур өөрчлөгдөөд явчихав. Есүгэйг өнгөрөхөд хамгийн бага өлгийтэй хүүхдээ тэврэн үлдсэн Өөлүн үжин хэдэн хүүхдийнхээ эх төдийгүй, бас эцэг нь болох ёстойгоо тэр дороо ойлгосон. Өөр зам ч байгаагүй.
Таргадай-Хирилдэг тэргүүлэн, хамгийн ойр дотны авга Таргадай-Хирилдэг тэргүүлэн, хамгийн ойр дотны авга Дарьдай отчигин, үеэл Сач бэх, Алтан, Хучар, Тайчуу, Бүр бөх нар дуугүй дагалдан хэдэн хүүхдийн нь хамт хаяад явсан тэр цагт оюунтай төрсөн Өөлүн эх оёдолт дээлийг огшуулан өмсөж, оготор хормойг шуун бүсэлж, Онон мөрнийг өгсөн уруудаж, олирс мойл түүн явж өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж өдөр шөнийг аргацаан өнгөрөөсөн. Чадалтай төрсөн үжин эх царсан шорыг барин явж, цавчим газраар өгсөн уруудаж сөдөн гичгэний үндэс малтаж шөнө өдрийн хатамжин өнгөрүүлж байв. Гоо төрсөн Өөлүн эх гох дэгээ барин явж, гол завийг өгсөж уруудаж, гогод мангирыг түүн явж, хутагтан хөвгүүдээ тэжээн өгсөж байв хэмээн түүх шастирт тэмдэглэн үлдээсэн бий... Гаднаас орж ирсэн Тэмүүжин Хасар хоёрыг харсан эхийн сэтгэл палхийгээд явчив. Харуусал бухимдалдаа болон хацар нь улайн шүдээ тас зуужээ. Эх хоёр том хүүгээ хилэгнэл дүүрэн харцаар ширтэн байж: - ханиа барагсад ижлээ идэгсэд, халуун хэвлээс гарахдаа хар нөж атгаж төрсөн билээ. Хавиргаа хазах хар нохой мэт, хаданд довтлох харцага шонхор мэт, уураа даран ядах омогт арслан мэт, амьдыгаа залгих аюулт загас мэт, сүүдрээ довтлох сүрхий араатан мэт, цугийг залгих цурхай загас мэт, ботго тормын борвийг хазах өл буур мэт, бороот өдөр довтлон халдах өлөн чоно мэт, нялх үрээ гилэн ядаж нядлан идэх нүгэлт ангир мэт, барьж идэх барс араатан мэт балмад амьтад буюу хэмээн зэмлэхэд хоёр хүүхэд нь хариу юу ч хэлэлгүй дуугүй сууна. Элдвийг эргэцүүлж бодохдоо дулимагхан Хасар, эхийн үгийг төдий л анхаарч сонсохгүй ингэсгээд уур нь тайлагдана биз хэмээн дотроо бодно.
- Ээж минь, өрх гэрийн эзэн нэг л хүн байдаг ёстой. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш л Бэгтэр бид хоёр барилцаж авах л байсан. Тайчуудаас бид өшөөгөө авах цаг ирнэ. Гэхдээ эхлээд гэрээ төвхнүүлэхгүй бол тэр өшөөг хэзээ ч авч чадахгүй байж мэдэх юм шүү гэж эхдээ хэлмээр санагдавч Тэмүүжин энэ бодлоо ил гаргалгүй цээжин дотроо хадгалан үлдэв.
Бэгтэрийг алсан явдал Таргадай-Хирилдэг Тэмүүжинг барихад нь хамгийн эвтэйхэн шалтаг болсныг Тэмүүжин ч, Өөлүн эх, хэн нь ч тэр үедээ огтоос гадарлаагүй билээ.
- Бэгтэр ахыг харваад алчихсан байна гэсээр Билэгтэй гаднаас орь дуу тавьсаар орж ирэхэд Өөлүн түүний толгойг илэн, - Хүү минь, гашуудах хэрэггүй. Чи өнөөдөр нэг ахаа алдсан ч гэлээ чамд дахиад харж хандах хоёр ах, хэдэн дүү чинь байна. Хүн үхэж төрөх нь хувь тавилан, эзэн тэнгэрийн тааллаар болдог хэрэг. Нэр алдар нь бадран байсан идэр сайхан насандаа Есүгэй эцэг чинь үгүй болов. Бэгтэрийн хувьд ч эзэн тэнгэрийн таалал түүнийг авлаа.
Ингэж байтал Билэгтэйн Сочигал эх бас л уйлсаар орж ирлээ. Тэр Өөлүн эхэд хандан, хоолойгоо зангируулан байж, - Өөлүн үжин минь. Тэмүүжин Хасар хоёр баруун гарыг минь тас цавчин хаялаа. Ажлын эв дүйгүй ганц зүүн гараараа би хоёр толгойгоо яаж хамгаалан гэдсээ тэжээх билээ? Нэгэнт иймдээ хүрсэн юм ганц үлдсэн зүүн гарыг минь толгойтой минь хамт тасдаад өгөхийг Тэмүүжин Хасар хоёроос хүсч байна. Эцэг нэгтэй ахан дүүс биесийнхээ өөдөөс зэвсэг агсана гэдэг, тэгээд хоёр талаас нь нэвт харван улаан голыг нь таслана гэдэг яасан гутамшигтай вэ? Есүгэй эзэн минь амьд агсан болоосой. Билэгтэй бид хоёр тайчууд ах дүү нарыг барааддаг юм билүү? хэмээн үглэж уйлна.
Хасар энэ бүхнийг ерөөс юман төдий үзэж тоосон янзгүй, Сочигалыг дооглонгуй ч гэж болох харцаар харан сууна. Ямаа туйлаад янгирцаг эвдэхгүй гэгчээр чи хаачих билээ? Таргадай-Хирилдэг чамайг гэрийн боолоо ч тоож болгохгүй. Ядуу зүдүү ч бидний хаяа бараадаад дуугүй шиг явж байвал өөрт чинь ээлтэй байлгүй гэсэн өнгийг түүний харц дуугүйгээр өгүүлнэ.
Тэмүүжин энэ болж буй уйлаан дуулаан, гомдол тоочилтод хэрхэн хандаж байгаа нь гаднаас харахад ер мэдэгдэхгүй байлаа. Ганц ажиглагдаж буй юм гэвэл харц нь эхийнхээ харцнаас дальдирна.
- Ханиа барагсад ижлээ идэгсэдийг би зэмлэсэн үгээ хэлчихээд сууж байна. Билэгтэйд ч гэсэн үгээ хэлсэн. Тэр бүхэн дээр нэмэх минь гэвэл одоо чи бид хоёр Есүгэйн үлдээсэн гал голомтны тулгын гурван чулууны хоёр нь болж байна. Эцэг нэгтэй хүүхдүүд минь гурав дахь чулуу нь. Хүүхдүүд даанч нас нь даагаагүй гэнэн балчир байна. Тэгээд ийм явдал боллоо. Гэвч хоног хоногоор ухаажин хөрвөжидөг нь жам ёс. Тийм болохоор гал голомтоо сахин сууж байгаа хэдэн хүүхдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргээд өстөн тайчуудаас хариугаа авах тэр цагийг хүлээхээс өөр замгүй хэмээв.
Билэгтэй газар шагайн эхийнхээ хажууд наалдан сууна. Эхээсээ л хөндийрвөл Хасар, Тэмүүжин хоёр чирч гаргаад хоёр талаас нь харваад Бэгтэрийг хээр хаясан шиг хаячих юм шиг санагдаж байгаа бололтой. Сочигал хатан Өөлүн эхийн хэлснийг эргэцүүлэн бодож байгаа юмуу, эсвэл өөрийнхөө шийдсэнээс хэрхэвч няцахгүй гэж хатуу шийдээд, аятай мөч хурмыг хүлээн байгаа юмуу бүү мэд, хэнийг ч хаашаа ч харахгүй дороо дуугүй сууна.
Тэмүүжин гэнэтхэн босч ирэн Билэгтэй рүү ойртон ирэхэд Өөлүн эх сандарч гайхсан, Сочигал айж хэлмэгдсэн харцаар тэдний хөдөлгөөн бүрийг дагуулан харна. Гэрт байгсадын хар хөлс нь асгаран, юу болохыг чимээгүйхэн сэтгэл түгшин хүлээнэ. Тэр Билэгтэй дэргэд очоод мөрөн дээр нь гараа ахын ёсоор тавьж,
- Билэгтэй чи Есүгэй баатрын хүү, миний төрсөн дүү. Намайг та нар ах гэж байсан цагт чиний толгой дээрээс ширхэг үс ч унахгүй гэдгийг андгайлъя! гэлээ. Эцгийн суурь булаалдан тэмцэлдэх гол өрсөлдөгч нэгэнт үгүй болсон тул Сочигал эхийн сэтгэлийг засах, ганцаар үлдсэн Билэгтэйг өөртөө бүрэн татахын тулд ийм үг хэлэх хэрэгтэй, хэлээд ч зогсохгүй түүнийг сахин мөрдөх шаардлагатай болсныг Тэмүүжин яагаад ч юм бэ гэнэтхэн ойлгосноос ийнхүү босч ирсэн билээ.
Өөлүн эх ууган хүүгийнхээ саяны хэлсэн үгэнд тааламжтай байгаа нь илт харагдана. Сочигал хатан Билэгтэй хүүгээ татан духыг нь үнэрлэж, уруулаа үл мэдэг хөдөлгөн амандаа ямар нэгийг хэлэх шиг болов. Гагцхүү Хасар л гэр дотор болж буй явдлын учрыг бүрэн олохгүй байгаа бололтой гайхсан, зэвүүрхсэн байдлаар бүгдийг тойруулан харна.
Тэмүүжин Билэгтэйд хандан ийм үг хэлнэ гэдгээ босоод явж байхдаа ч бараг мэдэхгүй байсан гэж болох билээ. Эвгүй байдлыг засан зөөлрүүлэх ямар нэгэн үг хэлэх хэрэгтэй юм гэсэн зөн л түүнд байсан. Хожим нь ч гэсэн иймэрхүү зөн бодол түүнийг их эрх мэдэлтэй болсон үед нь тус ч болж байсан, ус ч болж байсан. Гэвч одоогоор тэр хожмын их бага, буруу зөрүү олон явдлыг огтоос гадарлахгүй, Бэгтэрийг хороосон эвгүй явдлаасаа яасхийгээд мултардаг юм билээ гэж бодож суусан хэрэг.
Эл явдал тэгж ингэсхийгээд бага сагаар мартагдан, Бэгтэрийн нэрийг дурсах нь ховордож Билэгтэй ч Тэмүүжин Хасар нартай дүү нараа дагуулан анд явж өдөр хоногийг өнгөрөөн амьдрал урьдын адил нэгэн хэмээр юм шиг өнгөрч байлаа. Гэвч алив юм, тэр тусмаа амьдрал яг давтагдана гэж яаж байх билээ? Хасар шальтай шальгүй зүйл дээрээс өө эрэн Билэгтэйтэй барьцалдаж авах гэсэн боловч тухай бүрийд нь Тэмүүжин Хасарыг загнан номхруулж байлаа. Өөлүн үжиний царайд ямар нэгэн зовол, айдас хуралдаж байгаа нь хэний ч нүднээ ил тусна. Энэ нь юуны айдас зовол вэ? гэвэл өөрөөс нь өөр хэн ч үл мэднэ. Юуны тухай болохыг асуухад ойр зуурын үгээр тойруулан аргалж өнгөрөөхийг оролдоно.
Ямар нэгэн золгүй явдал гэр орныг нь, үр хүүхдүүдийг нь ялангуяа хөл дээрээ баттай зогсож эхэлж буй ууган хүү Тэмүүжинг нь далдаас отон хүлээж, хариугүй нөмрөн дарах гэж буй юм шиг битүү далдын зөн бодол Өөлүн ээжийн цээжний махыг идэн байлаа. Юу чухам хүлээж буйг тэр нь хэр зэрэг хор хөнөөлтэй болохыг эх эс мэднэ. Гэвч мах цусаараа мэдрэх боловч одоо ийм болсон цагт хэндээ хэлж, хаанаас өмөг түшиг эрэх билээ? Харсан эзэн тэнгэртээ л найдахаас өөр юмгүй.
Нэгэн өдөр Хөхчүү бөө Тэмүүжинийхээр хүрч ирлээ. Тэр нэгэн удаа нүцгэн цээжээ гаргаад Бурхан халдун өөд онгод сүлдээ тахихаар явж байснаасаа их өөр болсон байлаа. Тал нутгийн олон айл, хүрээнийхний дунд чамлахааргүй нэр хүндтэй болжээ. Тэр одоо Хөхчүү бөө гэгдэхээсээ илүүтэй Тэв тэнгэр буюу тэнгэрийн хувилгаан нэртэй болсон бүлгээ. Тэр ихээхэн ид шидтэй гэгдэн монгол туургатан аль балар эрт цагаас шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр хийгээд өвөг дээдсийн онгон бүхий Бурхан халдун уулыг шүтэж дээдэстэй холбоо барьдагт нь хэн хүнгүй итгэнэ. Тэр насан залуу ч гэсэн сүнс дуудах, сүлд даллах, шид хийх талаараа тал нутгийнхны урдаа барьдаг бөө болсон байлаа.
Тэв тэнгэр бүргэдийн савар цутган отго болгож, есөн өнгийн урт даавуу хийгээд есөн үетэй төмөр гинж малгайныхаа араас унжуулжээ. Арьсан халхавч малгайныхаа урд тал руу унжуулж гурав гурваар зэрэгцүүлсэн төмөр цагираг тогтоосон нь тун их сүрлэг харагдана. Янз бүрийн бөс даавуугаар эрээлж чимсэн урт дээл өмсөж дээлийнхээ захаар бүргэд, буга, могой зэрэг амьтны дүрс хаджээ. Хүрэл толь бүхий бүс бүсэлсэн байв. Толин дээрээ луу, арван хоёр жилийн дүрсийг сийлсэн аж. Гартаа сорви хэмээх нарийн мод хийгээд өнгө өнгийн даавууны өөдөс, төмөр цагираг бүхий ташуур, тал хэнгэрэг барьжээ. Түүний хэц буюу тал хэнгэрэг цагаан өнгөтэй байгаа нь түүнийг эзэн тэнгэр, онгодтой холбоо барьдаг том бөө болохыг илтгэнэ.
Онон голын мөсөн дээр Хөхчүүтэй шагай шагалцан байхдаа урьдаас бодож тунгаасны эцэст шийдэн боловсруулсан санаагаа цухуйлгахад тэрхэн доор нь шүүрч аван ойлгосон Хөхчүү өнөөдөр Тэмүүжинд үнэхээрийн ид шидтэй, дээд тэнгэртэй холбоо барьдаг хүчтэн харагдан айдас төрүүлэх шиг ар зоо руу нь яагаад ч юм бэ хүйт оргив.
- Хаан Тэмүүжин хачирхуулж сонирхуулах юу байна даа? Хасар та хоёр хамаагүй явдал хийгээд л байна уу? гэж өндөр малгайн доороос сөлийн ширтэх нүдээ гялалзуулан асуулаа.
Энэ үгийг сонссон Өөлүн эхийн царай барсхийн хувирав. Амьсгал нь дээшлэн цээж нь мэдэгдэхүйц түхэлзэнэ. Тэнгэрийн элчийн эл үг эхийн айдас сандралыг төрүүлж бас ямар нэгнээс битүү айн байсны совинг улам хүчтэй болголоо. Өөлүн ээж хэдий ухаантай саруул боловч энэ хурамд эцгийн алдагдсан улсыг нэгтгэн авч, алдар сууг нь өргөн мандуулах ууган хүүг минь эзэн тэнгэр ивээн таалахгүй байна уу? гэсэн харын санаа төрж:
- Сайн эцгийн үгүйрсэн буурин дээр үлдсэн хүүг минь юунд хаан Тэмүүжин хэмээн дооглон нэрлэнэ билээ? гэж амьсгал давхцан асуулаа.
- Ухаант Өөлүн ээж минь, дээд тэнгэр надад хэлэхдээ би энэ газар дэлхийг Тэмүүжинд өглөө гэсэн юм. Энэ газар дэлхий Тэмүүжинийх болохоор тэр хаан байх ёстой. Энэ бол миний дур хүслээс хамаардаггүй, эзэн тэнгэрийн зарлиг хишиг гэдгийг та мэднэ. Чухам тиймээс би ийн өчсөн билээ. Гэхдээ хаан Тэмүүжиний замд амсах зовлон, атаархах анд, урвах нөхөд олон гарна. Одоо ч гэсэн аюул нөмрөн ирэх гэж байна. Энэ бүхэнд зориг хатамжтай, сэтгэл цэвэр байгаасай гэж Тэв тэнгэр их л тайван, надтай хэн маргах билээ хэмээн өөрийн хүчиндээ, дээд тэнгэртэй холбоо барьдаг хүний хүчиндээ итгэсэн өнгөөр хэллээ.
- Мөнх хөх тэнгэр минь ивээж биднийгээ хайрлаарай! Өнчин өрөөсөн хаягдсан бидэнд өсөрхөх дайсан хэн байдаг билээ? Эзэн тэнгэр минь, өвөг дээдсийн онгод минь, ариун шүтээнд Бурхан Халдун минь өчүүхэн биднийгээ ивээл нөмөртөө аваач! гэж Өөлүн эх сүслэн үглэнэ.
- Хөх манхан тэнгэрт ивээн соёрхож айсуй аюулыг зайлуулж хайрла! гэж Тэмүүжин эгдүүцсэн юмуу эсвэл эргэцүүлж дутуу бодсоноос ч тэр үү нэг л хачин хүйтэн дуугаар хэлэв.
Хөхчүү буюу Тэв тэнгэр Тэмүүжиний дууны эвгүй өнгийг дор нь олж сонсоод онигор нүдээрээ инээмсэглэн уруулаа мушилзуулж,
- Бүх юманд ээлж, цаг бий! Эзэн тэнгэр хэрэгтэй гэсэн цагтаа чамайг аврах ёсоороо аварна. Амсах туулах ёстойгоо ч чи биеэрээ эдлэх л болсуу гэж хувь тавилангаас хаашаа ч зугтах газар байхгүй, түүнд захирагдах учиртай, ёстой гэсэн өнгөөр өчлөө.
- Саяхан л чи бидэн хоёр Онон голын мөсөн дээр шагалцаад зогсож байж билээ хэмээн Тэмүүжин атаархсан юмуу, харамссан нь ялгагдахгүй өнгөөр хэллээ. Чингэхдээ өрвийн боссон хар үсээ урт хуруутай гараараа илж, тооноороо дээш харлаа. Тэв тэнгэр түрүүчийнхээрээ мушилзан байх нь Тэмүүжиний хэлсэн үг даанч доогтой өчүүхэн санагдаж байгаа, түүнд хариу өчих нь илүүц юм шиг гэдгээ бүгдэд ойлгуулах гэснийх бололтой.
- Чи бид хоёр тэгэхэд хэл амаа даанч амархан ололцсон шүү! Эзэн тэнгэрийн зарлиг болгон захисан ёсоор тэр цагаас хойш би олны төлөө өчүүхэн биеэ зориулсаар л явна. Би ч тэр явдлыг мартаагүй. Харин хэн хэн нь хэлсэндээ л хэзээ ч хүрч байвал зүгээр юм сан гэж хэлээд хариу ч хүлээлгүй гэрээс гарч явлаа. Тэмүүжин шохоорхсон, Өөлүн эх гайхсан харцаар харан хоцров.
- Юу юу гээд та хоёр чинь ярилцчихав даа? гэж эхийнхээ асуухад Тэмүүжин,
- Яах вэ дээ бага балчиртаа л тоглож байснаа л ярьж дурссан юм гэлээ.
Үнэхээр ч Хөхчүү бөөг ирээд явснаас хойш төдий л удалгүй Таргадай-Хирилдэг тэргүүтэй тайчууд ирэн үймээн самуун болж Тэмүүжин Бурхан Халдунд бултан гарч ирээд нуугдсаар ер дэх хоногоо өнгөрөөж байгаа нь энэ билээ. Бороо зогсохоо мартчихсан юм шиг орсоор л байлаа. Тэмүүжин галдаа хааяа хааяа хуурай мөчир сэлбэн шөнийн харанхуй руу ширтэн бодлогоширсон хэвээр.
Гурав дахь хоног дээрээ уулын бэл рүү сэмхэн бууж яваад отуул сахисаар байгааг үзээд буцаж ирсэн. Харанхуй дунд хэтний гал гялсхийхийг тэр хурц хараагаараа олж хараагүй бол өдийд Таргадай-Хирилдэгийн гарт орчихсон байж байх сан билээ. Зургаа дахь хоногтоо уулнаас буун ирэхдээ бас л баригдчихыг шахсан. Унаж явсан морь нь гэнэтхэн үүрсэн янцгаахад сахиулуудын хэн нэгний морь хариу үүрсэн, цаадуул нь нум сум харван нэхэж арайтай л тэдний гарт орчихолгүй шөнийн харанхуйд дулдуйдан мултарсан билээ.
Өлөн зэлмэс ес хоног ойд өнгөрөөнө гэдэг тэр бүрий хүн давах даваа биш ажгуу. Сүүлийн хоёр өдөр усан бороо асгаран гадагш бараг толгой цухуйлагсангүй. Шөнөдөө хүйтэрч байгаа гэдэг жигтэйхэн. Дан тэрлэгтэй бие нь яаж ч болохгүй чичирнэ. Халуун хоол ундны амт ямар байдгийг бараг мартсан юм шиг санагдана. Хүн амьтантай хэд гурван үг солилцон ярилцана гэдэг ч бас их жаргал байдгийг одоо л мэдрэв. Ийнхүү ганцаар сууж байхад эргэж харах, эргэцүүлж бодох юм даанч олон гарах ажээ. Арван хэдхэн насанд амссан үзсэн, бас өөрийн үйлдсэн хийсэн нь ч чамлахааргүй байв. Тэгэх тусмаа алдсан эндсэн нь бүр ч их мэт санагдан зүрхийг базалж, шар хөдөлгөнө.
Хүн гэгч амьдралаа урьдаас мэддэг сэн бол энэ хүн хойшдоо ямар их юм амсаж, бас өөрөө үйлдэж, хичнээн хүний нус нулимс, цус асгаруулж, алдар цуу нь алсын алсад, холын холд түгэн тархаж олныг айн чичрүүлэх догшин шуурган болохыг харж болохсон билээ. Гэвчиг хэнд ч тийм ид шид байдаггүй болохоор намрын сүүлчийн хүйтэн бороон дунд даарч, өлсөн өнөө өдрийнхөө хувь тавиланд гомдон бодлогоширч сууна.
Тэмүүжин есөн настайдаа эцэг Есүгэй баатартай хамт ээжийн төрхөм олхунууд иргэний нагац талаас охин гуйхаар явж байсан тэр үеэ байн байн дурсана. Хээр талын замд явж байхдаа л эцгээсээ, урьд өмнө огтоос мэддэггүй байсан олон зүйлийг анх удаа сонсож нүд нь нээгдэх шиг болж билээ. Хамаг Монголын анхны хаан Хабуул билээ. Хабуул хан долоон хөвүүнтэй байсны нэг нь Бартан баатар буюу Тэмүүжиний өвөг эцэг бүлгээ. Хабуул хаан долоон хөвгүүнээ байсаар байтал Сэнгүн билгэгийн Амбагайг хамаг монголын хан болгохоор захисан гэнэ. Амбагай хан татаруудад охиноо хүргэж өгөн очоод баригдаж улмаар Хятадын Алтан хаанд хүргэгджээ. Татарууд Алтан хаанд ая тал засч байгаа нь тэр. Хятадууд Амбагайг зүйл бүрээр тарчилган зовоож хороосон гэнэ. Амбагай бэсүд овгийн Балхачи хэмээх хүнийг элч болгож, "Хабуул ханы долоон хөвгүүний дундах Хотолд, миний арван хөвүүний дундах Хадаан тайшид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун. Би татар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун" гэж захисан ажээ.
Хабуул хааны долоон хүүгийн ууган нь царай зүс үзэсгэлэнтэй гоё, эмэгтэй хүн шиг байснаас Охинбархаг нэртэй болжээ. Охинбархаг татаруудад баригдан, тэд Алтан улсад Охинбархагийг өгчээ. Охинбархаг илжиг модонд тэлэгдэж Амбагай хааны адилаар алагдсан.
Тэмүүжин энэ бүхнийг эцгээсээ анх удаа сонсов. Есүгэй баатар ч хүүгээ хүргээд буцах замдаа татаар нарт хорлогдоно гэдгээ мэдэхгүй ч Амбагай хааны өшийг татаар нараас авах тухай хүүдээ сургамжлан ярьжээ.
- Бид татаар аймаг руу довтлон Тэмүүжин үгэ, Хорибух зэрэг татаарын баатар эрчүүдийг олзлон ирэхэд чи эхээс төрж чамд Тэмүүжин нэр өгсөн. Тэндээс мөнгөн өлгий олзлон авчирсандаа чамайг өлгийдсөн юм даа гэж эцгийгээ ярихад Тэмүүжин ихэд гайхан чагнана.
Эцэг хүү хоёр явж байгаад Цэгцэр Чихарга гэдэг газар Хонгирад аймгийн Дай цэцэнтэй уулзав. Тал нутгийнхны ёсоор мэнд усаа мэдэлцсэний дараа,
- Есүгэй худ аль хүрэхээр явна гэж Дай Цэцэн асуулаа.
- Миний хөвгүүний нагац олхунууд иргэнээс охин гуйхаар явж байна гээд Тэмүүжин рүү зааж, - Миний хөвгүүн ямархуу эр байна даа? гэж асуув. Дай Цэцэн Тэмүүжинг ухаалаг нүдээр гүйлгэн хараад,
- Энэ хөвгүүн чинь нүдэндээ галтай, нүүртээ гэрэлтэй хөвгүүн байна. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй, харь улсыг үл довтлон хацар сайт охидоо хасаг тэргэнд суулгаж хар буур хөллөн хатируулан одож, хаад баатар та нарын хатан сууринд ханилан суулгана. Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайт охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. Есүгэй худ миний гэрт оч, Надад өчүүхэн охин бий. Та үз гэхэд тэд Дай Цэцэнийг даган гэрт нь очлоо.
Бөрт охин ч Есүгэйд нүүртээ гэрэлтэй нүдэндээ галтай харагдсан тул хөтөлж явсан мориороо билэг өгч охиныг гуйжээ. Дай Цэцэн,
- Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдон гэдэг боловч охин хүний заяа, төрсөн үүдэндээ өтлөхгүй тул охиноо өгъе гэв.
Ингээд л Есүгэй баатар хүүгээ Дай Цэцэнийд орхиод явахдаа эцсийн удаа хүүгээ үзэж буйгаа яахин мэдэх билээ.
Мориндоо сэвхийтэл мордон талын тоос манарган давхиж одсон эцгийнхээ хойноос Тэмүүжин яагаад ч юм бэ гуниглан ширтэн хоцорсон билээ.
... Харанхуй руу ширтэн суусан Тэмүүжингийн нүдэнд эцэг нь тодрон харагдана. Ширүүн хар сахалтай хошуугаараа духан дээр нь үнсээд явсан нь тун саяхны явдал шиг бодогдоно. Хэнээс ч ханхар цээжтэй том биетэй болохоор нь манай аав шиг ийм хүн баатар байлгүй яах вэ? Би өөрөө баатар болж чадах болов уу? Надаас хоёр насаар дүү Хасар бараг надтай адилхан биетэй байх юм. Тэр ч гарцаагүй баатар болно доо гэж атаархангуй боддог байснаа одоо эргэн санахад хөх инээд нь хүрнэ.
Биеийн бөхөөр нэгийг дийлнэ, сэтгэлийн бөхөөр мянгыг дийлнэ гэдэг өвөг дээдсийн сургаал бий. Өстөн тайчууд, татаар нараас хариу авах нь ах дүү бид хэдийн цорын хүслэн гэдгийг ой тайгад ес хоног өнгөрөөхдөө Тэмүүжин хэзээ хэзээнийхээс илүү мэдрэв.
Төрөл садныхандаа найдаад ямар ч хэрэггүйг ойлгов. Харин Хөхчүү бөөтэй холбоо тасалж болохгүй. Бид хоёр хэн хэндээ хэрэг болно. Тэр үнэхээр дээдэс тэнгэрийн шидийг олсон ч юм билүү, хэн мэдэх вэ? Хүн бүрий л түүнийг шүтээд байгаа нь бас нэг учиртай биз. Жамуух анд өөрөө ядарч яваа болохоор надад юуны тус болж чадах вэ. Гэвч тэр хөл дээрээ тогтвол хамгийн үнэнч байх хүн. Би ч бас л тийм сэтгэлээр хариулна. Энд хоолтой хоолгүй хэд хонолоо. Энэ мэт нэргүй үхэхээр гаръя. Мөшгин хөөгчидтэй улаан нүүрээрээ учраад юу болохыг нь харъя гэж шийдэн морио хөтөлсөөр тайгаас Тэмүүжинг гарч ирэхэд отуулууд дуу шуу болон түүнийг барьж аван Таргадай Хирилдэгт хүргэж өглөө.
Бурхан Халдун уулын цээжин биед цогийн төдий өчүүхэн гал, түнэр харанхуйг нэвтлэн ассаар байв.

Top
   
PostPosted: Feb.03.16 6:16 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
II
Хэрэйдийн Тоорил хааны их ордон Туулын хар шугуйд байх ажээ. Цоохор нүүртэй Тоорил хан сэтгэл зовиуртай байлаа. Их гэрийн дотуур явахад хүзүүн дэх мөнгөн оосортой загалмай нь савчина. Амьдрал гэдэг тэр аяараа атаа жөтөө, алалдаан тулалдаан шиг санагдана. Мэдээ орсон цагаасаа эхлэн нэг ч өдөр айван тайван байсан нь ховорхон, тун ч ховорхон билээ.
Гэхдээ Тоорил ханыг л бусад хүмүүс хазаж хайраад байсан нь бас биш ээ. Тэр өөрөө өрөөл бусдад элдвийг хийж явсан нь цөөнгүй. Долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж харлаг ишгэн дах өмсөж Сэлэнгийн Буур хээрт очоод мэргидийн газар будаа нүдэн амьдарч явсан нь одоо ч санаанд нь ив илхэн. Хар багаасаа ингэж л зовлон амсах ёстой байсан юм байх даа. Хан эцгийн амьд мэнд байхад л мэргидүүдэд баригдан явсан. Ай юутай халаг билээ гэж бодно. Хан эцэг Хурчахус Буйруг мэргидүүд рүү уулгалан дайрч хүүгээ буцааж авчирсан билээ. Ийнхүү хан эцгийн нөмөр түшигт хэдэн жил хоргодож байснаа арван гурван настайдаа тараар нарт Илма хатан эхийн хамт олзлогдон татаарын Ажаа ханы тэмээ хариулж үзэв. Тэндээс Ажаа ханы хоньчны хамт оргон босч нутгаа бараадан ирсэн.
Эцэг Хурчахус буйруг ханыг тараарууд барьж Алтан улсад өгөхөд тэд ханыг тарчилган зовоож алсан. Тэгэхэд Хужадур хан ширээнд суусан.
Тэр цагт Тоорил хан өөрийн ах дүү нараа алж хан ширээг булааж авав. Тэгтэл авга ах Гүр хан наймантай хүч хавсран их цэрэг хөдөлгөж довтлон ирж хүчинд автсан Тоорил Хараун хавцалд нэгэн зуун нөхдийн хамт арайхийн амь зулбан орж нэхэлтээс мултарсан билээ. Ийн толгой хоргодох, амь зуух юу ч үгүй болсон Тоорил шадар нөхдийн хамт хамаг монголыг нэгтгэн захирч байсан айл хөршийн Есүгэй ханыг бараадан очиход, тэр их цэргээ засан явуулж Гүр ханыг Хашин оронд зугтаалган, Тоорилын албат иргэд, эд малыг буцаан авч өгсний учир тэр хоёр анд бололцсон түүхтэй билээ.
Тоорил хан их гэрийнхээ дотор холхин байхдаа энэ бүхнийг эргэцүүлэн санаж амьдрал надад дахиад ямар сорилт бэлтгэж, ямар даваа давуулах гэж байгаа юм бол гэдгийг мэдэхийг оролдоно. Дүү Жаха хамбуу, Эрх хар, Элхудур Хулбари, Арин тайж нар яагаад ч юм хан ширээний төлөө яахаас ч буцахгүй байгаа юм шиг сэжиг төрүүлэн сэтгэлийг шаналгана.
Есүгэй анд даанч нас залуугаараа хортон татаарт хорлогдлоо. Түүний хүүхдүүд эрийн цээнд хүрэх болоогүй байна. Тайчууд тэргүүлсэн том аймгууд тэднийг хаяад явцгаасан байсан. Тэгээд зогсохгүй Тэмүүжин хүүг баривчлан аваад дөнгөлсөн байна гэсэн. Мэргидүүдтэй нөхөрлөлтэй биш. Тэд намайг хар бага насанд минь баривчлан аваачиж зовоож байсан. Эцгийн үеэс өстөн дайсан. Найманууд миний урвагч дүү нартай сүлбэлдэн намайг түлхэх бодол өвөрлөн байгаа нь мэдэгдээд байдаг.
Тайчууд Есүгэй андын үр хүүхдийг хяхаж байгаа болохоор тэд нар тус болохгүй. Татаарууд өөр хоорондоо тулалдаад зай завсар байдаггүй. Хятадын Алтан хаан нэг нүдээрээ над руу харан инээмсэглэж байх зуураа нөгөө нүдээрээ татаарын хаадыг ирмэн байдаг хоёр нүүртэн холын санаатан.
Есүгэй андын ачийг санаж хэдэн хүүхдийг нь ядарч яваа үед нь харж хандвал зүгээр юмсан. Сайн эцгийн улсыг буцаан нэгтгэж хөл дээрээ босч ирвэл надад үнэнч холбоотон болмоорсон. Гэвч Дарьдай отчигин тэргүүтэй ойр дотны ахан дүүс нь хүртэл Таргадай-Хирилдэгийг дагаад явсан болохоор тайчуудтай тэмцэлдэнэ гэдэг яггүй. Хажуугаас дэмжих холбоотон хэрэгтэй. Ийм холбоотон болчих хэн байна? Жадран овгийн Жамуух хөвгүүнийг эцгээс нь хойш харж ивээн иргэж улсыг нь задруулаад явуулчихалгүй арайхийн тогтоож байна. Тэр одоохондоо надад нэг гар болоод явах тэнхэл хараахан суугаагүй байна. Өд сөдөө ургаад гүйцэхийн цагт Жамуух дүү ямархуу хүн болохыг хэн мэдэх билээ? Ухаантай сэргэлэн, ер нь учир зүйгээ олж болмоор л хүү байх юм.
Энэ үед гаднаас арван хэдэн настай хүү Сэнгүм нь бүрэн зэвсэг агсаад орж ирлээ. Хар бага наснаас өнчрөн үлдсэн хүү Сэнгүмээ Тоорил юунаас илүүгээр өмгөөлөн хайрладаг билээ. Эцгийн гар дээр эрхэлж өссөн болоод ч тэр үү, Сэнгүм хүү ухаан богинотой, уур уцаар ихтэй, холч бодолгүй, хов живэнд итгэхдээ амархан нь сүүлийн нэг хоёр жилээс тодрон харагдах болсонд хан эцгийн сэтгэл зовних болжээ. Үргэлжийн ил далдын тэмцэлдээн, өрсөлдөөн дунд хамаг улсаа алдалгүй авч явна гэхэд уужим ухаан, ултай гишгэлт чухал билээ. Гэтэл Сэнгүм хүүд нь чухам энэ чанар л дутаж байх мэт.
- Хан аав соёрхоно уу, би Жамуух андын хамт анд явлаа.
- Жамуух дүү ирчихээд байна уу?
- Хараахан ирээгүй байна. Одоо бараг ирж байгаа биз. Болзсон цаг ч болж байна. Жамуух анд ч болзооноосооо жаахан хожимдох гээд байдаг зантай хүн дээ гэж Сэнгүм хэлээд хоромсогоо засан оролдоно.
Чингэтэл гадаа морьдын төвөргөөн хадаж хан эцэг хүү хоёр гадагш гараад Жамуух шадар нөхдөө дагуулсаар ирж буув. Жамуух өвч зэвсэглэжээ. Зальжингуй байрын инээмсэглэсэн хүрэн бор нүд нь Сэнгүмийн зэр зэвсгэн дээр хурмын зуур тусаад өнгөрөхдөө Алтан улсын дархчууд гараа гарган хийсэн арслан зөрөлдсөн сийлбэртэй бамбайг нь атаархангуй харсныг нь хэн ч ажигласангүй. Жамуух мориноосоо шалмаг буун хан Тоорилын өмнө очиж толгой мэхийн алга хавсарч,
- Хан ахын амгаланг эрье! Сэнгүм анд бид хоёр шадар нөхдийн хамт энэ өдөр ав хоморгонд явж харвасан сумны цэцэн, хатгасан жадны хурцыг үзэж, талын зээрийг цахилуулан хөөж, тахтай хүлгээ уралдуулан давхия гэлээ хэмээн цээлхэн дуугаар өчив. Харц нь хан Тоорилын урт хуруутай гар дээр тусах нь тэрхүү гараас ангийн олзны хишиг эрэлхийлэх мэт.
Тоорил хан Жамуухын дуулганд гараа хүргэн хүндэтгэл үзүүлээд,
- Жамуух дүү ордонд орон хэдэн үг сольё. Сэнгүм хүү шадар нөхдөө цуглуулан мордоход бэлтгэж бай гэхэд Сэнгүмийн царай хувьсхийн улайж, хан аав надаас нууж, энэ оронгүй оргодол, угаадасны шавхруу долоогчтой юу ярилцах гэсэн юм бол гэж уурсан бодоод эцгийн үгийг дагалгүй, мориндоо мордон шадар нөхдөө дагуулан Жамуухын гарч ирэхийг хүлээлгүй давхилаа.
Тоорил хан ордондоо ороод Хашин орны шар цоохор олбог дээр сууж, Жамуухыг хажуудаа суулгав. Царай нь өнгөлөг, тарган цатгалан ажээ.
- Миний анд Есүгэй баатрын ууган хүү Тэмүүжинээс ямар сураг чимээ дуулдана вэ? гэж хан Тоорил намуун дуугаар асуугаад царай өөд нь ширтэн байхдаа Жамуух андыгаа хүлээлгүй уурлаад давхин одсон Сэнгүм хүүгээ сэтгэлдээ зэмлэн суулаа.
Тэмүүжин андын хувь заяаг яагаад хан ах лавлаж байгаа юм бол? Тэгэхдээ заавал надаас асуудаг нь ямар учиртай вэ? Далдын ямар нэгэн санаа байна уу? Үнэхээр би Тэмүүжин андын хувь заяаг сонирхолгүй их удсан байна. Тайчуудад баригдаад явсан сураг гарсан. Зовж зүдэж л яваа бололтой. Арван нэгэн настайдаа гурын шагайг Тэмүүжинд өгч, нэгэн цутгамал шагайг Тэмүүжинээс авч анх анд бололцож байсан билээ. Түүнийхээ хойт хавар Жамуух бярууны хоёр эврийг нааж нухэлж хийсэн дуут сумаа Тэмүүжин анддаа бэлэглэн, Тэмүүжин арц модон годилоо Жамуухт өгч хоёр дахь удаагаа анд бололцсон түүхтэй.
Жамуух эцгээ нас барсны дараа овог аймгаа алдахгүйн тул хан Тоорилыг бараадан түүний нөмөрт түшин явж байхад анд Тэмүүжин нь хамгаа алдаад дөнгөт боол болон явж байгаа нь Жамуухт сэтгэлд нь хүнд байлаа. Зовлон жаргалаа хуваалцан хамт явах гэж андгайлан тангараглаж л анд болж байсан билээ. Гэтэл би хар амиа бодож анд нөхрөө умартжээ. Хан ах өнөөдөр миний энэ гэмийг сэнхрүүлэх гэж л Тэмүүжин андын тухай асууж байх шиг бололтой гэж бодсон Жамуух түүний нүүрийг эгцлэн харж чадахгүй харц бууруулан,
- Хан ах минь сураг сонсвол Тэмүүжин андыг тайчуудын Таргадай-Хирилдэг барьж аван хүзүүнд нь модон дөнгө зүүлгээд айл айлаар хэсүүлж явна гэсэн. Баараггүй үнэн эсэхийг мэдэхгүй. Анд минь зовж л яваа бололтой гэв.
- Дүү чиний сонссон үнэн. Би чамайг андыгаа ямархуу явааг сонсоогүй юм болов уу? гэж бодоод асуусан юм. Мэдэж дуулсан байгаа чинь болж. Цаад Сэнгүм чинь яваад өгөх шиг боллоо. Дүү минь хойноос нь гүйцэн оч. Одоохон яв гэж хан Тоорил хэлэхэд Жамуух дуугүй ухарсаар гарлаа.
Жамуух өөрийг нь хүлээн байсан шадар нөхөд дээрээ очин бор хул мориндоо мордож тоосруулан давхисаар нилээд газар хороочихоод байсан Сэнгүмийг гүйцэн очив. Түүний царай дүнсгэр, бухимдалтай ажээ.
- Хан аав чамтай юу л нууцлаад байна вэ? гэж тэр шүдээ сийгүүлэн асуулаа.
- Тэмүүжин андын тухай л асууж байна.
- Асуух юмаа ч олж дээ, тэгэхдээ бүр нууцлаад байгаа шүү! гээд Сэнгүм их л дургүйцсэнээ илчлэн шүднийхээ завсраар шүлсээ нулимав.
- Тэмүүжин анд тайчуудад баригдчихаад хэцүүдэж л яваа сурагтай байх юм.
- Дөнгөө даахгүй хатаж үхнэ л биз.
- Тус болох юм сан. Тэр чинь миний анд. Түүний эцэг Есүгэй баатар ч гэсэн хан ахын анд байж нэгэн цагт их тус хүргэж явсан түүхтэйг чи юу эс андах вэ. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг билээ.
- Хан эцэг яахаа бид мэтээр заалгахгүй биз.
- Тийм дээ, тийм гэхээс өөр үг Жамуухын амнаас гарсангүй. Тэр дуугүйгээр урьдах замаа ширтэн бодлогоширон явна.
Энэ Сэнгүм даанч гарын ая даах янзгүй юм. Хан ахын хүчинд дулдуйдан Тэмүүжиний улсыг сэргээн босгоод бид гурав холбоо тасрахгүй байвал халдах дайсан хавьтаж ирэхгүй болно. Хан Тоорилын сүр хүч одоо баттай болжээ. Хан ахын дараа Сэнгүм түүний суурийг залгахаар л үймээн самуун дэгдээж мэдэх юм шүү. Татаар, мэргид, тайчууд, найман гээд энэ хүчирхэг аймаг омгууд Тэмүүжин анд бид хоёрыг оготно барьж буй үнэг шиг л амандаа хийгаад залгичихна. Харин хан Тоорилын хоёр суганд ороод суучихсан цагт тэд яаж ч чадахгүй. Тэмүүжин анд даанч дор орчихож. Хавьд түүнтэй уулзсангүй. Одоо ямархуу хүн болж буйг нь даанч мэдэх биш. Сэнгүм шиг ухаан богино эр болох ёсгүй л юм сан. Бид хоёрыг анд болж, Онон голын мөсөн дээр шагалцан наадаж, шөнө нь нэг хөнжилд орон унтаж байхдаа хоёр биедээ өргөсөн андгай тангараг маань хүүхэд насны гэнэхэн сэтгэлийн хоосон үг болоод л өнгөрөх юм гэж үү? хэмээн бодож, үе үехэн Сэнгүмийг сэмхэн ажиглан явна.
Тэр өдрийн ав санан хүлээж байсан шигээр их олзтой болсонгүй. Магадгүй энэ нь Сэнгүм нялх зан гарган хан эцэг, Жамуух хоёрт гомдсонтой ч холбоотой ч байж болох юм. Тэр зэвсгээ хангинуулан давхиж тосгуулуудыг ч загнан, үргээлэгчдийг ч загнан эгээ л хав нохойн гөлөг шиг ааш гаргаж байв.
Жамуух амандаа ямар нэгийг хэлэн сулхан инээмсэглэн Сэнгүмийн хажууд дуугүй явна. Хоморголон авлана гэгч юу болохыг мэддэггүй, харь газрын гийчин ирээд сониучирхан зогсож байна уу гэлтэй. Гэтэл Жамуух ан авд дайн дажнаас илүүгүй юм аа гэхэд дутуугүй дуртай хүн билээ. Шадар нөхдөө дагуулаад авд гарахлаараа нүд нь сэргэн төрөлхийн зальжин ухаан нь улам гааран, ов мэх нь нарийсан, отож хүлээх, оморголон дайрах нь нарийн болоод явчдаг сан. Гэтэл өнөөдөр тиймгүй байлаа.
Сэнгүмийн хийж байгааг дооглонгуй харавч, түүний гэнэхэн алдааг засч залруулах гэж огтоос үл оролдоно. Нялх Сэнгүм түүний энэ хачин байдлыг огтоос ажиглахгүй, өөрийнхөө хийж үйлдэж буй бүхэн ямар ч буруугүй зөв гэдэгт бүрнээ итгэнэ. Тийн төдий л шальтай олз хишиггүй, харанхуй болсон хойно тус тусын хүрээгээ бараадан хоёр анд салав.
Жамуух өглөө хан Тоорилтой ярилцсан яриагаа өдөржин шахам эргэцүүлэн бодож хэдэнтээ нягталжээ. Хан ах надтай хүч хавсран Тэмүүжин андыг суллаж авах гэж байгаагаа надад битүүгээр хэлснийг нь би ойлголгүй өнгөрсөн юм байлгүй гэж эцэстээ бодов. Тийн бодохул тайчуудын хүрээ рүү гэнэдүүлэн уулгалж ороод андыгаа суллаж авах нь хялбархан юм шиг санагдана.
Жамуух хойд өдөр нь хэдэн анд нөхдөө дагуулан хан Тоорилынд очлоо. Тоорил хан бие чилээрхэв гээд хэвтэж байв. Гэрийн дотор халуу дүүгэн гал ноцно. Хэдий тийм боловч Тоорил хан чонон хөнжил нөмөрчээ. Царай нь бүрзийн өнгө алджээ. Дэрнийхээ орчим хэд хэдэн саванд уух эм бололтой зүйл хийжээ. Хан Тоорил гаднаас Жамуухыг орж ирэхэд нүүрэндээ хиймэл бус, үнэнхүү сэтгэлийн угаас баярласан инээмсэглэл тодруулж сулхан инээлээ.
- Хан ахын амгаланг айлтгая гээд сөгдөн суухад хан түүний толгойд гараа хүргэн сулхан дуугаар,
- Бие эвгүйтээд хэвтэж байна. Уулыг цас дарж, эрийг нас дарна гэгч болж байгаа юм байлгүй гээд харуусангуй инээлээ.
- Гайгүй биз дээ. Таны царай сайн байна гэж сэтгэлийг нь засах санаатай улаан цайм худал хэллээ.
- Дүү минь ямар тухай явна даа?
- Хан таны өчигдөр Тэмүүжин андын талаар ярьсныг би олон дахин тунгаан бодлоо. Хан ах тантай хүч хавсран Таргадай-Хирилдэгийн тайчууд руу гэнэдүүлэн дайрч Тэмүүжин андыг чөлөөлж авбал болохгүй юм болов уу? гэж бодлоо. Та энэ бодлыг минь юу гэж болгоохсон бол?
- Унтаж байгаа арсланг оролдож сэрээх хэрэг байдаггүй юм. Одоогоор чи бид хоёрын хүч дутмаг байна. Есүгэй андын хүү Тэмүүжингийн төлөө миний сэтгэл их зовж байгаа боловч яах ч арга алга. Тайчууд хүчтэй аймаг. Тэд араас мөшгөн хөөвөл салахад хэцүү болно.Тэд өс санахдаа яггүй гэж Тоорил болгоомжилсон өнгөөр хэллээ. Энэ удаа түүний харц нь Жамуухын өөдөөс эгцлэн харахгүй байгаа нь аль нэгнээс цэрвэснийх үү, эсвэл биеийг зовоох өвчнийх үү гэдгийг ялгахад бэрхтэй ажгуу.
Ийм хариу сонссон Жамуун нүүрийнхээ өнгийг огтоос хувиргахгүй гэж ихэд хичээсэн боловч царай нь өөрийн эрхгүй хувьсхийхийг мэдэрлээ. Тэр ийм хариу сонсоно гэж даанч бодоогүй байлаа. Түүний сэтгэл хямран хачин болно. Хан Тоорил надтай хүч хавсран явж Тэмүүжин андыг чөлөөлөх бодол агуулаагүй юм бол яагаад түүний тухай надаас хэрэг болгон асууж лавласан юм бол? Хөл дээрээ арайхийн тогтож ядаж байгаа намайг ганцааранг минь тайчууд руу явуулах гэсэн санаа өвөрлөснийх үү? Энэ чинь тэгэхлээр эцэстээ Таргадай-Хирилдэгийн гарт Тэмүүжинг төдийгүй дээрээс нь нэмэр болгоод намайг өгнө гэсэн үг. Нялх Сэнгүмийн нялх санаа энд зонхилж байгаа юм биш биз? Өчигдөр тэр үнэнхүү сэтгэлээсээ уурсан байсан уу? Эсвэл миний толгойг эргүүлж мэхэлж байв уу? гэдэг нь нэг л тодорхойгүй болоод явчив. Энэхүү эргэлзэлийн үнэн худлыг шалгахаар гэнэтхэн тархиндаа орж ирсэн бодлыг дор нь шүүрэн авч,
- Хан ахаа би хэдэн үнэнч нөхдөө сэмээр аван хуй салхинаас ч хурдан, ганцхан үсрэлтээр тайчуудын хүрээ рүү дайран орж анд Тэмүүжингээ л суллаж аваад өөр юу ч хөндөж, юунд ч гар хүрэлгүй буцаад ирэх үү? гэж асуулаа.
- Залуу халуун насанд анд нөхөртөө үнэнч эр хүний санадаг л санаа. Ийм санаа зориг төрсөн явдалд чинь дүү чамайг би буруушаах зүрх алга. Гэхдээ сүүлчийг нь сайн бодогтун! гэсэн энэ үг Жамуухын сэтгэлд огтоос нийцсэнгүй. Зөвшөөрч байгаа нь ч бүү мэд, үгүй нь ч бүү мэд ийм үг хан Тоорилын амнаас л гарахаас биш, өөр хэнийхээс гарах билээ. Намайг өөрөө бодож цэгнэж үзээд шийд гэсэн л үг хэллээ. Тэгэхлээр надаас салах гэсэн бодол агуулж буй нь илт бололтой гэж Жамуух эгдүүцэн бодоод, түүнийгээ бас л сайн нууж чадалгүй,
- Хан таны мэргэн үг мунхаг намайг ухааруулах биз ээ гэж хүйтэн өнгөөр хэлээд их гэрийн үүдийг сэвхийтэл өргөн гадагш гарлаа.
Өвлийн бүүдгэр тэнгэр дээрээс нь хариугүй дараад уначих гэж байгаа адилаар мөрөн дээрээс нь ямар нэгэн үл үзэгдэх хүнд юм даран биеийг нь зовооно. Тэр нүсэр гэгч нь алхалсаар мориндоо мордон шадар нөхдийн хамт буцлаа.
Анд Тэмүүжинг чөлөөлөхөөр зориг эрслэн оролдох уу, аль эсвэл юу ч болоогүй, юу ч мэдээгүй мэт амар жимэр суун аль нэгэн аймаг мал ногоонд цадаж тэнхрэх үеэр тонон дээрэмдэхээр хүрч ирэхийг нь хүлээн байх уу яах вэ? гэсэн асуудал толгойд нь эргэлдэн, шийдэж чадахгүй сэтгэл шанална. Жамуухын шанааны судас гүрэлзтэл лугшин, толгой нь ангалзана.
Энэ үед хан Тоорилын бие халууран, гэрт хичнээн гал түлж, яаж дулаалж хучивч чичрүүс хүрэн, бие нь арзайн ухаан бодол нь заримдаа балартах шиг... Хан Тоорил хамгийн ойрын цөөн шадар хүмүүсийн хамт Хараун хавцлыг зорин унасан морьдынхоо хар хурдаар зугтана. Найманаар дэмжүүлсэн авга ах Гүр хан нь Тоорилд ахын ууган хүү болон өөрийн ах дүү нарыг алуулж хан суурийг алдсаныхаа өсийг авахаар хойноос нь гэзэг даран хөөнө.
Тоорилын хажууд зэрэгцээд давхиж явсан нэг шадар нөхөр нь суманд өртөн уналаа. Дуулгыг нь бараг шүргэн сум дараа дараалан исгэрэн өнгөрнө. Хараун хавцлыг л бараадаад орхивол учир байна гэсэн ганц бодол толгойд нь хоргодно. Нэг сум унаж яваа морины нь чихийг сэт харван өнгөрөхөд морь нь дээш цоройн цовхчиход Тоорил хан лагс биеэ барьж чадалгүй эмээлтэйгээ хамт мориныхоо хондлой руу шувтран унаж эхэллээ. Гараа байдгаар нь сунган мориныхоо дэлнээс барьж авах гэсэн боловч амжсангүй унахад унаж явсан хөлгийнх нь хумбан хар туурай улаан нүүр рүү нь гялсхийн хүрч ирлээ... Тоорил ханы хамаг бие усан хулгана болтлоо норж, үл мэдэг чичирхийлнэ. Зүрх нь оволзон амаар гарах шахна. Шадар дотныхон нь түүний хажууд сууж, зогсож байцгаана. Хэн нэг нь ам руу нь хүйтэн юм цутган өгөв.
Ингэж муухайгаар хар даран зүүдэлдэг байх гэж. Тэнгэр дээрээс хилэгнэж байна уу% Тэрслэх дайсан даруйхан ирэх гэж байгаагийн ёр уу? Ийм бодол бүр ч аймшиг төрүүлнэ. Энэ тойроод зогсож буй шадар хишигтнүүдийн хэн нь цэвүүн цаг ирэхэд надад үнэнч үлдэж, хэн нь урван явах бол гэж бодон тэднийг тойруулж харлаа.
- Хан ах хар даран зүүдлэв үү? Бид бүр сандарлаа шүү! гэсээр дүү Эрх хар нь ахынхаа харцтай мөргөлдөөд хүлцэнгүйгээр асуулаа.
Тэр дүүгийнхээ асуултад хариу хэлсэнгүй. Нүдээ анин хэвтлээ. Ийнхүү нүдээ аниад элдвийг бодоход эвтэй ч юм шиг санагдана. Жамуух ирээд Тэмүүжинг чөлөөлж авъя гэсэн. Ийм цагт тайчуудтай муудалцаж болохгүй, өст найман, татаарууд хоёр талаас хумиад орж ирвэл яана! Би Жамуухад тодорхой юм хэлээгүй, өөрөө бодож шийд гэсэн. Би ерөөс яагаад Жамуухаас Тэмүүжиний тухай асуусан юм бол? Асуусан учраа одоо ч өөрөө мэдэх биш. Эцгийн нь тусыг бодоод л хүүд нь тус болох юм сан гэсэн бодол төрснийх юм болов уу? Гэвч эцэстээ юугаар тэр бүхэн дуусч болохыг тунгааж, байгаа юм байгаараа л үлдэг гэсэн шийд гаргасан. Жамуух дүү ч ухаантай сэргэлэн болохоор над шиг шийд гаргана байх гэдэгт итгэнэм. Ерөөс цусан төрлийн дүүгээ харван алсан Тэмүүжинд итгэж, түүнийг суллан авах гэж хамаг юмаараа дэнчин тавьж болно гэж үү? Тийм үйл хийж буй хүнд итгэж нөхөрлөж болно гэж үү? хэмээн өөрөөсөө асууснаа гэнэтхэн хөмхийгөө зуун царай нь улсхийн нам гүм боллоо. Би ч гэсэн өөрөө юу билээ? Хужадур хан ах, авга ах Гүр хан, дүү Дай-Төмөр, Бух-Төмөр... одоо ч гэсэн болохгүй бол Эрх хар тэргүүлсэн дүү нарыг хайрлахгүй. Энэ чинь аминд тулсан асуудал. Хэнд ч ямар ч буулт байж болохгүй.
Тэмцлээр дүүрэн энэ хорвоод хэн хатуу гартай, чулуун зүрхтэй нь тэсч үлддэг ёсон эртнээс янагш мөрдөгдөж иржээ. Тийм болохоор Тэмүүжин хүүг бас л ойлговол зохино. Ухаантай, зоригтой, гарын ая даах сэргэлэн л хүү байна. Үнэхээр л эцгийн шийрийн хатаах чадалтай эр бол тайчуудын гараас мултраад хөл дээрээ босч хүн болно биз, цааш юу болохыг нь одоохондоо хүлээзнэн байя гэж бодсон чинь сэтгэл тайвшран явчив. Аминд орж байсан андынхаа хүүд туслалгүй зүгээр суун өнгөрөх, тэгэхдээ сэтгэлд толбо үлдээн өөрийгөө хожим зэмлэх юмуу, Тэмүүжиний нүүрийг харж чадахгүй дальдраад байхааргүй ухаан сийлсэндээ тайвширчээ. Тийн биеийнх нь шаналал ч тавигдав бололтой жигд амьсгалан унтлаа.
Өвлийн цагт л олон аймаг, хүрээнүүдийн хоорондын байнгын шахам уулгалан тулаан бараг зогсдог. Хавар морь мал ногоонд цадаж тэнхэрч эхлэх үеэс хөл хөдөлгөөн тулаан нүргээн эгээ л ичээнээсээ гарч буй амьтад адилаар амь орон хүчээ аван эргэлдэж эхэлнэ. Ийм нэгэн орчил оноос он, үеэс үе дамжин залгасаар буй бүлгээ. Хааяа нэгтээн, хэн нэгэн нь ямар нэгэн шалтгаанаар энэ эргэлт орчлыг гажих нь байвч дахиад тийм явдал удтал гардаггүй болохоор хүмүүс удалгүй умартан хэзээнээс янагш өвлийн цагт л үргэлжид амгалан тайван байсаар ирсэн юм шигээр бодоцгоон аж төрнө.
Өвлийн шөнийн одод улам ч өнгө орсон юм шиг анивчин гялалзана. Үүлгүй гүн харанхуй тэнгэр толгой дээр тунарна. Жавар сийгэн хайрна. Дулаан хувцсаа хэдий өмссөн ч гэлээ энэ шөний цагаар явах нэгэн бүлэг морьтонгууд даарч бээрч байвч түүнээ хэн нь ч үл гарган сүйд майд үл болцгооно. Эд бол Жамуух тэргүүлсэн нэгэн зуут тайчуудын нэгэн хүрээ рүү гэнэдүүлэн довтлохоор явж буй нь болой. Зуутынхан дөрөөгөө эсгийлсэн тул дөрөө харших чимээ үл гарна. Нэвсийтэл дарсан цасан морьдын туурайн дууг бас их намжуулна. Эргэн тойрон анир чимээгүй дүнсийнэ. Цэрэг эрсийн унаж яваа морьд үе үе тургих нь их л дуу чимээтэй сонстоно. Шинэдийн хавирган саран анивчих оддын дундаас бараг үл ялгарна.
Зуут цэрэг Сач бэхийн хүрээнд байгаа Тэмүүжинг суллан авах санаа өвөрлөн явж байгаа нь энэ. Зуут цэргийнхээ урьд явах Жамуухын сэтгэлд олон янз бодол төрнө. Хан Тоорилтой ярилцаад буцаж явах замдаа анд нөхрөө юу ч болдог байлаа гэсэн тайчуудын гараас салгаж авъя гэж хатуу шийджээ. Тоорил хан ах сануулж хэлсэн ч гэлээ андынхаа үүрэг амлалтад эзэн болох л ёстой гэж залуу халуун насны ааг омгоороо эргэлтгүй шийджээ. Тийн өөрийн гол хүрээндээ ирээд Байчгуу хэмээх итгэлт хүнийг дуудан авчирч,
- Байчгуу чи тайчуудын хүрээнүүдээр хэнд ч сэжиг авахуулалгүй явж Тэмүүжин анд хаана, хэний хүрээнд байгааг мэдээд ир гэж даалгажээ.
- Намайг барьж аваад боол болгочих байлгүй дээ, мунхаг би тэндээс мултарч чадах юм болов уу даа? гэж Байчгуу эргэлзэнгүй хэллээ. Жамуух ялимгүй бодолхийлснээ, ямар нэгийг сэдэв бололтой Байчгууг цоо ширтэн байж,
- Чи Жамуух миний иргэн биш, сул иргэний дүрээр яв. Тэгэхдээ хүн бүрийтэй уулзах гээд байхын хэрэг юу билээ. Ам султай хүн хаа мундахав. Баттай мэдмэгц мөрөө буруулан даруйхан эргэж ир гэхэд Байчгууд зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Эзнийхээ өөдөөс өөрөө ч мэдэлгүй сөрж үг хэлсэндээ гайхав.
Жамуух түүний эргэж ирэхийг тэсч ядан хүлээж гурав дахь хоног хэл сураггүй өнгөрөхөд сэтгэл зовж эхэллээ. Гэвч дөрөв дэх хоног дээрээ Байчгуу хүрч ирэн Есүгэй баатрын хүү Тэмүүжин өөрийн төрлийн Сач бэхийн хүрээнд одоогоор байгаа юм байна. Модон дөнгө хүзүүнд нь зүүгээд хүрээ хүрээ хэсүүлэн яваа юм байна гэсэн мэдээтэй иржээ.
Байчгууг буцаж ирснээс хойш Жамуух гэнэт дайрахаар бэлтгэн гурван хоног бодоод одоо дөрөв дэх хоног дээрээ хөдлөөд явж байгаа нь энэ.
Тэр андыгаа суллан авна гэдэгт яагаад ч юм бэ маш итгэлтэй байв. Өвлийн хүйтэнд бүгд дулаан орон гэрээ бараадан сууж байгаа болохоор гэнэдүүлэх нь заавал сандралд оруулж, тэгээд бусад олон юманд шуналгүй ганцхан Тэмүүжинг аваад буцаж амжина гэж найдаж байлаа.
- Бид Сач бэхийн хүрээнээс ганцхан Тэмүүжин андыг л авна. Өөр хэнд ч гар хүрч зэвсэг гаргаж болохгүй, хөл доор чинь алт мөнгө тээглэж байсан ч авч болохгүй. Миний хэлсэн энэ үгийг зөрчсөн хүний толгойг дуугүй авна. Бас нэгэн санах зүйл нь бид өөрсдийгөө татаарууд гэж бодогдуулахыг оролдоно. Та нарт миний хатуу сануулах зүйл энэ гэж Жамуух цэргээ авч мордохынхоо өмнө бүгдэд чандлан хэлжээ.
Тийн хамгийн бяр тэнхээтэй хүмүүсийг сонгон ялгаж авч хүн бүрийд хошоод суран хүлэг өгчээ. Тайчуудыг зэвсгэндээ хүрч амжаагүй байхад нь барьж авч хүл гэжээ. Жамуух энэ цагт хожмоо авсан сэцэн хэмээх нэрийг хүлээгээгүй явсан үед ч гэлээ ийм ийм олон явдал нь нийлсээр эцэстээ түүнд Жамуух сэцэн гэсэн нэрийг олохын нь үндэс болсон биз ээ.
Жамуухын зуут цэрэг сэм явсаар үүр шөнийн зааг үнэгэн харанхуйн үеэр Сач бэхийн хүрээнд тулж ирлээ. Сач бэхийн том гэрийг хамгийн голд нь барьж шадар хишигтэн нь түүнийгээ тойрч, цаашлаад сул ард харцууд болон олзныхон унаган боолчуудын гэрийг хүрээлүүлэн барьж, тэрэг тойруулан хамгаалсан хүрээ харанхуйн дундаас сүртэй харагдана. Дүн өвлийн гүн шөнийн энэ цагаар хүрээнд харуул манаа бараг л байхгүй болов уу гэж бодож байв. Тийн хүрээнд тулж ирээд уулгалан орцгоож түйвээн сандаргаж эхлэв. Сач бэхийн хүрээнийхэн даанч санамсаргүй байсан учраас өөдтэй эсэргүүцэж чадсангүй. Хаанахын ямар улс дайран ирснийг ч төдий л гадарласангүй бололтой амь амиа бодоцгооно. Жамуухын зуутынхан хүрээнд байсан эрчүүдийг баргий нь барин хүлж амжжээ. Сач бэхийн хэвтүүл, хишигтнүүд харин сэлмээ сугалан, нумаа татан эсэргүүцэх гэсэн боловч шальтай юм болсонгүй.
- Тэмүүжин хаана байна. Бид өстөн Тэмүүжинг аваачиж тооцоо хийнэ. Тэр л бидэнд хэрэгтэй. Түүнийг одоохон авч ирвэл амь нас, эд хөрөнгөнд чинь гар хүрэхгүй гэж Жамуухын талынхан шаардлаа. Бас айл бүрээс хайгаад ч Тэмүүжинг олсонгүй. Хамаг Монголын Хабуул хааны удмын Сач бэх язгуурын ихэмсэг нь үгүй болж гараа ардаа хүлүүлсэн зогсоно. Тэр айж чичирхийлсэн хоолойгоор хар толгойгоо авран гарах бодлыг урьтал болгон,
- Тэмүүжин хөвгүүн манай хүрээнд байж байтал хоёр хоногийн өмнө Таргадай-Хирилдэгийн Аучу баатар бараа бологсодынхоо хамт ирээд аваад явсан. Чухам аль хүрээ рүү явсныг мэдэхгүй гэж өчив.
Санасан хэрэг нь яг бодсоноор бүтдэгийн даваан дээр ийм явдал гарсанд яах ч аргаа алдаж бухимдаж самгардсан Жамуухын уур хилэн гэнэт дүрсхийн асч,
- Тэмүүжинг одоохон гаргаад ир! Гаргаж эс өгвөөс энэ хүрээний чинь байгаа газар үнс чандруу л үлдэнэ шүү! гэж сүрдүүллээ.
Жамуух өөрийн цэргүүдийг гал гаргахыг хориглосон болохоор өмнөө чухам хэн гэгч зогсон байгааг ялган харж чадахгүй Сача бэх байдгаараа дагжин чичирч, - Би үнэнийг өчиж байна. Аучу баатар аваад явсан. Залуу баатар минь намайг өршөөж хэлтрүүл! гэж уйлагнан өгүүлнэ.
Залуу баатар минь гэх үгийг сонссон Жамуухын ар зоо хүйт оргиод явчив. Энэ чинь намайг таньчихсан юм биш байгаа гэх хар төрнө. Тийн уураа барьж ядан,
- Миний залуу хөгшин чамд ямар хамаатай юм бэ? гэвэл
- Залуу баатар эрийн дуу гэдэг андашгүй билээ гэх хариу сонстов.
Жамуух олон юм дахиж бодолгүй цэргүүддээ буцаж яв! гэсэн тушаал буулгаад Сача бэхийн хүрээнийхнийг хүлэгтэйгий нь хүлэгтэй чигээр нь орхиод мориндоо мордон зүгээ буруулан давхилаа. Өвлийн анир чимээгүй талд хөлгийн туурай тачигнан уул талыг дуг нойрноос нь сэрээв.
Ийм ч бүтэлгүй юм байх гэж дээ, ийм ч бүтэлгүй юм байх уу даа! Ингэж төгсөхийг нь мэдсэн бол зүв зүгээр л сууж байх минь яалаа хэмээн нэгэнтээ харуусан бодовч андын төлөө чадахаасаа аваад чадахгүйгээ хүртэл хийх ёстой. Чухам ингэхийн төлөөнөө л андгай тангараг өргөсөн сөн биш билүү гэх өөр нэгэн бодол өрсөлдөн ургана. Бас хан ах Тоорил юу гэх бол? Түүнтэй уулзахаас л өөр аргагүй болов. Хаашаа ч зугтах аргагүйгээр түүнтэй улаан нүүрээрээ учрах хэрэг гарлаа гэж бодно. Яагаад ч юм бэ түүнтэй уулзах нь тийм ч аятайхан санагдахгүй байлаа.
Тэд мөрөө буруулан явсаар өвлийн богино өдрийн наран хэдийнээ гудайсан хойно хүрээндээ ирэв. Хүрээгээ хамгаалагч цэргүүд нь сонор алдалгүй байсныг хараад Жамуухын дотор жаахан онгойв. Гэвч сэтгэлийн тайвшралыг хэрхэн олох билээ. Анд Тэмүүжинээ дайсны гараас мултлан авах нь анддаа мартагдашгүй тус хүргэсэн болох төдийгүй, тэр өөрийн хүчинд итгэн, өөрийн улсын эзэн гэгдэн зүгээр нэг сууж байгаа биш, хөн Тоорилын нөмөрт хоргодсон болжмор төдий биш гэдгээ итгэхэд нь тун ч хэрэгтэй байсныг ойлгож байв. Хүн гэдэг хичнээн ухаантай байлаа ч гэсэн ухаан чадлынхаа хүчинд итгэхэд нь ялимгүй мэт боловч ямар нэгэн түлхэц, үйл ажил хэрэгтэй байх тохиол, заримдаа шаардлага ч байдаг билээ. Чухам ийм л юм арван хэдэн настай Жамуухт энэ удаа хэрэгтэй байжээ. Гэвч амьдрал гэдэг урт, туулах амсах юм зөндөө байдаг болохоор анд нөхөртөө үнэнчээ харуулах, түүнийхээ итгэлийг хэрхэн биелүүлэх зэрэг олон зүйл урд нь хүлээж байгааг залуу Жамуух одоохондоо хараахан гадарлахгүй юм юманд бухимдан суулаа. Зарим хүн урт наслаад багыг туулж болох боловч, богино наслаад ихийг туулах нь байдгийг бүр ч гадарлахгүй байлаа. Жамуух хөвгүүн хэрвээ энэ бүхнийг урьдаас мэдэж байсансан бол энэ өдөр ингэтлээ царай алдан суухгүй байх сан билээ. Яая гэх вэ балчир залуу насанд уучлан хэлтрүүлэх ч юм олон байдаг, баярлаж гомдох нь ч амархан байдаг амьдралын ёсон билээ.
Жамуух Сач бэхийн хүрээ рүү довтлоод амжилтгүй болсны дараа хэд хоног байдлыг ажиглан чих тавьж, өдөр шөнөгүй харуул манаанаа онц чангатган сэргийлж байлаа. Гэвчиг дайсан халдаар ирсэнгүй, өвлийн богино өдөр, урт шөнүүд ээлжлэн урссаар. Тийн элдэв мууг хүлээж байхдаа хан ах Тоорилоос ямар чимээ сураг гарах нь вэ? гэдгийг бас сэтгэл түгшин хүлээж байв.
Дээрх явдлаас хойш арваад хоног өнгөрч байтал алсын харуулд гарсан цэргүүдийн элч санд мэнд давхин ирж,
- Нэг баг цэрэг манайхыг чиглэн гарч ирлээ гэсэн түгшүүр мэдээ авчрав.
- Гэгээн цагаан өдрөөр довтлон ирнэ гэдэг эсвэл дайсан биш, үгүйбээс хүчиндээ бүрэн итгэсэн, биднээс олон дахин их цэрэгтэй л байж таарна хэмээн Жамуух бодож амжсан боловч хүрээгээ байлдаанд бэлтгэж эхэллээ. Довтлоод л ирснээс хойш угтаад л тулалддаг хэрэг. Ухраад зугаталтай биш, хүлцэл эхэн сөгдөж уналтай биш. Улс хүрээгээ эцсээ хүртэл хамгаална. Бодвол тайчууд л биз. Аучу баатар толгойлоод л давхиж ирээ биз. Таргадай-Хирилдэг өөрөө хөдлөхөөсөө илүүгээр түүнийгээ л юм юманд түлхэж байдаг хүн. Өвлийн хүйтэнд тэр өөх нь царцаад зэвсгээ өгсөөд морин дээр ч гарч чаддаггүй байх. Хан ахад хэл сураг хүрэгдэг байж дээ хэмээн Жамуух бусдыгаа ийм тийм юм хий, ингэ тэг гэж зааж зааварлаж байх зуураа бодож байв. Бүх биеийн судсаар халуун цус лугшин, зүрх нь ердийнхийгөө бодвол яльгүй хүчтэй цохилон, уртаар амьсгал авна. Чингэтэл харуулын толгой дээрээс "атаатан дайсан биш, анд нөхөд ирж байна" гэсэн тусгай дохио харагдсан тул яаж ч тулалдахад бэлэн байсан хүрээнийхний урам хугараад явчих шиг санагдлаа. Гэвч энэ нь түр зуурын л гялсхийгээд өнгөрсөн бодол төдий билээ. Хэн л цус асгаруулан амь өрсөн дайтахыг хүсэх билээ.
Ийнхүү хэн юм бол? хэмээлцэн хэлэлцэж хүлээж байтал хан Тоорил, хүү Сэнгүм нар тэргүүлэн шадар нөхөд, цэргээ дагуулан давхиж ирцгээлээ. Жамуухын бие халуу оргиод явчив. Нэг л өдөр хан Тоорилтой улаан нүүрээрээ учирч өөрийн хийсэн сэдсэн явдлын талаар ярьж магтаал сайшаалын үг биш юмаа гэхэд гэм зэмийн юм уу, сургамжийн үг сонсох нь гарцаагүй ч гэлээ энэ мөч хурам яг ингээд тулаад ирсэнд нь хулчийх сэтгэл төрнө. Гэвч яах ч аргагүй болсон болохоор,
- Хан ах таны амгаланг айлтгая гэсээр ойртон очиж дөрөөг түшин мориноос нь буулгалаа. Тоорил хан лагс хүнд гараа Жамуухын духанд хүргээд,
- Жамуух дүү суурин л байна уу? гэж асуухад нь Жамуухын бие зарсхийсэн боловч,
- Би хаа холдох вэ дээ! Хан ахын биеийн чилээрхэг зүгээр шив дээ? гэлээ.
- Ойрноос гайгүй. Өтөлсөн болохоос үхсэн биш гээд өнөөдөр хөлгийн нуруунд гарч салхи залгин явж байна. Тэгээд эрхэм дүүгийнхээр хүрч ирэв гэж ярилцсаар тэд гэрт орлоо.
Удаж төрсөн ч үгүй хоол цай бэлэн болж бүнд ууж идэж эхэллээ. Бас архи сархад гарган тогтоов. Дагзны арын үсээ хоёр хуваан сүлжиж, толгойн урд талын үсийг магнай ялимгүй өнгөрүүлэн тэгшлэн тайрсан Сэнгүм уусан архиндаа ялимгүй халсан бололтой царай нь түнтийн ягаарчээ. Тэр Жамуухыг хяламхийн харснаа,
- Сач бэхийн хүрээ рүү уулгалан дайрч Тэмүүжинг суллах гэсэн явдал гараад бүтээгүй юм байх. Тийм үү, сонссон уу? гэж залирхаж буй юм уу эсвэл үнэхээр лавлаж буй юм уу, аль нь ч мэдэгдэхгүй асуув. Ингэж асууна гэж бодоогүй байсан Жамуух ялимгүй түгдэхсэн боловч гаднаас нь харахад ерөөс балмагдаж сандарсан юм мэдэгдэхгүйгээр,
- Тийм! гэсэн ганцхан үг хариулсан нь өөрөө би дайрсан юм гэж ч буй юм уу, эсвэл тийнхүү дайрсан сураг сонссон ч гэж буй алин нь тодорхойгүй байв.
- Эрхэм дүү анд Тэмүүжинг чөлөөлөн авах гэж дайрсан хэрэг үү? гэж хан Тоорил тулган асуухад Жамуух тийм гэхээс өөр арга даанч үгүй болов. Энэ үгийг нь сонсоод хан Тоорил гэр доторхийг тойруулан харж хэсэгхэн зуур дуугүй суув. Түүний харц гэрийн эзний хоймор талын орны ард ханын толгойд эсгий хайчлан хийсэн Жамуухын онгон сахиус, бусад шүтээний дүрсэн дээр удаанаар тогтлоо. Жамуухын онгон сахиус нь чоно, бүргэд байлаа. Хан Тоорил Жамуухын онгон сахиусыг хараад ямар бодол төрснийг мэдэх аргагүй.
- Жамуух дүү жаахан болчимгүй явдал хийж дээ. Ядаж тэгээд тэр хүрээнд Тэмүүжин байхгүй байсан нь тун тоогүй. Зорьсондоо хүрсэн бол ч бас яая гэх вэ.
- Би туршуул явуулахад Сач бэхийн хүрээнд байсан юм. Намайг очихоос хоёр хоногийн өмнө Аучу баатар хааш нь ч юм бэ Тэмүүжинг аваад явчихсан байсан. Би тэдний хүрээнийхнийг нам унтаж байхад нь орж бүх эрэгтэйчүүдийг нь хүлсэн боловч, тэндээс юу ч авч, юунд ч гар хүрээгүй. Бас гал гаргахыг хориглон харанхуй дунд Сач бэхтэй ярилцсан. Тэр намайг таниагүй болов уу? гэж бодсон. Татаар нарын дүрээр л дайрсан. Энэ бүхэн минь зөв болсон эсэхийг би мэдэхгүй хэмээн Жамуух өөрийгөө цагаатгах гэсэндээ ч тэр үү, ганцхан амьсгаагаар урсгаж орхив. Ийнхүү бүгдийг хэлсний дараагаар дээрээс нь дараад байсан хүнд юмыг аваад хаячих шиг боллоо. Одоо түүний зүрхний цохилт жигд хэвийн болж амьсгал нь уужуу болжээ. Тийн хан Тоорил дээр харцаа тогтооно.
- Нэгэнт хийгээд өнгөрсөн юм одоо яая гэх вэ. Тэмүүжинг суллаж чадаагүй ч анд нөхөртөө, андгай тангарагтаа үнэнч байгаа чинь сайн хэрэг. Ийм болохоор дүү чамайг би яахин зэмлэх билээ. Эд хөрөнгө, хүн хард нь гар хүрээгүй чинь сайн. Татаарууд ирлээ гэдэгт итгэх нь юу л бол. Тэд чинь мөрөн дээрээ толгойтой юм болохоороо мунгинаж будилсан ч гэсэн бодсоор байгаад эцсийн эцэст чамайг ирж гэдгийг гадарлах байлгүй. Тиймээс болгоомжтой л бай!
Баурчид хоол унд архи дарс нэмэн нэмэн оруулж ирэн энэ өдөр Жамуухынд их хурим найр боллоо. Ирсэн гийчин зочин өгсөн болгоныг ууж идэж л байвал гэрийн эзнийг төдийчинээ хүндэтгэж, түүнд итгэж байгаагийн гэрч хэмээн үздэг монгол заншлаар бүгд л гэдэс мэдэн ууж идэж байлаа.
Жамуух хуурчаа ирүүлж хуурдан дуулав. Тал нутгийн донсолгоонт амьдрал, тулаан мөргөлдөөн, хур дэлээ намируулан давхих омголон хөлөг морьд, нум сумаа агсан хуяг дуулгаа гялалзуулан давхилдах дайчин баатар эрс, тал дүүрэн бэлчих таван хошуу сүрэг малаа магтан, уянгалсан урт цээл хоолойгоор дуулалдана.
Сэнгүм дуулж наргих ч үгүй зөвхөн л өгсөн бүхнийг ууж идчихээд эгээ л амаа үдүүлчихсэн юм шиг дуугүй сууна. Хөдөлгөөн, гүйх ухаан аль аль нь хурц Жамуухын харцнаас Сэнгүмийн энэ хачин цэрвэсэн байдал хэрхэн нуугдан үлдэх билээ. Тэр бусдын адилаар наргиж цэнгэж байх дуураа хан ах намайг загнаагүйд уур нь хүрээд байгаа юм болов уу? гэдгийг ухаад ухаад олохгүй байв.
Гэтэл нялх хэмээх хочийг олсон Сэнгүм үнэхээр нялх зан гарган уур омог нь дүрэлзэн байсныг хэн тааж ухаж мэдэх билээ. Тэмүүжин энэ Жамуухтай хоёр дахин анд болсон атлаа хан эцгийн нөмөр түшигт байгаа надтай яагаад анд болоогүй юм бэ? Жамуух ч гэсэндээ миний хан эцгийн хүч, сүрээр л харьяат улсаа алдан Тэмүүжин шиг хар буурь сахин үлдээгүй байж надтай анд болоогүй байгаа юм шүү! гэж бодохоос л уур нь оволзон атаархлын хорон гал ухаан бодлыг нь эзэлнэ. Тайчууд руу дайрч өөртөө төдийгүй өөрийг чинь өмгөөлөн нөмөрлөж байгаа бидэнд ч гай авчрах хэрэг хийсэн Жамуухыг загнаж зэмлээгүй аавдаа ч уур хүрнэ. Ийм л бодол түүнийг дүгсгэр царайлан суухад хүргэжээ. Тэгээд тэсч чадалгүй,
- Тэмүүжин тайчуудын хүрээнд турж үхэх нь тодорхой байхад түүнийг суллаж авах гэж эз үзнэ гэдэг чинь юутай тэнэг явдал билээ. Одоо тайчууд их цэргээрээ нөмрөн орж ирвэл яана! хэмээн их л гашуунаар тайчууд хариугүй одоохон ороод ирэх гэж байгаа юм шиг өнгөөр хэллээ.
- Андыгаа туруулж үхүүлээд өөрөө амаараа гартал идэн таргалаад гар хумхин сууж байх нь андгай тангаргаасаа няцсан хулчгар эрийн зан болох бишүү? Би тэгж бодоод л андыгаа араатны гараас мултлан авах гэж оролдсон юм даа! гэж Жамуух тэр доор нь хариу барилаа. Чингэснээ хан Тоорил хүүгээ өмөөрөн надад муу саначих вий гэсэн болгоомжлол гэнэт төрж:
- Сэнгүм дүү чамайг баригдаад явчихлаа гэхэд би Тэмүүжин андаа аврах гэсэн шигээр л чиний төлөө өөрийн өчүүхэн амь биеийг огоорон зүтгэх байсан билээ хэмээн нэмж хэлэв.
Энэ яриаг дуугүй чагнан суусан хан Тоорил Жамуух Сэнгүм хоёрыг ээлжлэн харж,
- Жамуух дүү хүн малд нь хор хүргээгүй болохоор тайчууд довтлоод ирэх нь бараг л биз. Ер нь тэд ирлээ ч гэсэн манай Хэрэйд, жадраны эр цэрэг, агт морьд дайсныг угтан тулалдахад бэлэн л байна шүү дээ гэлээ. Сэнгүм эцгийн энэ үгэнд юу ч хэлэлгүй дуугүйгээр толгойгоо доош унжуулав.
Сач бэхийн хүрээнд довтолсон Жамуухын баг цэрэг мөр буруулан давхин одсоны дараа нэг хэсэгтээ нам гүм болов. Ноход ч хуцахгүй, хүүхэд ч уйлахгүй, хүн ч хашхирахгүй нам гүм. Үүр шөнийн заагийн үнэгэн харанхуй нөмөрсөн хэвээр. Гал хөс ч гарахгүй Жамуухын хэлж байснаар хүрээний суурин дээр зөвхөн үнс чандруу л үлдсэн юм уу гэхээр... Энэ ажин түжин байдал гэвч удаан үргэлжилсэнгүй. Морьтны хөлийн чимээ сонстохгүй болоход энд тэндгүй орь дуу алдах, хараал урсгах, авгай хүүхэд орилох дуу зэрэг зэрэг гарч эхлэв. Бас эдэнтэй дуугаа авалцан ноход боргоно. Энэ үесээс тэнгэрийн дорно хаяа сүүмийн тодорч үүр тэмдэгрэв.
- Алив, гарын хүлээс тайлаад орхи! хэмээн Сач бэх баргил хоолойгоор байдгаараа хашхирах нь бусад бүх дуу чимээг дарав.
- Биднийг бүгдийг хүлчихээд байхад яах билээ дээ! Сул хүн байна уу? гэж харанхуйн дундаас бас хэн нэг нь үглэнэ. Чингэтэл Сач бэхийн бага хатан Эбэхэй эр нөхрийнхөө дууг сонсон хүрч ирээд жимбийтэл хүлсэн гарын нь хүлээсийг зөндөө удаан ноцолдож байж арайхийн сулруулахад Сача бэх ууртай нь аргагүйгээр гараа мулт татан суллалаа.
- Гэрэл гэрээ гаргаач гэж түүний тушаахад эхнэр хүүхднүүд хөдлөн энд тэнд гал гаргав. Сач бэх давирхайтай мод асаан бамбар болгон бариад хүрээн дундуураа явахад элэг нь эмтэрмээр, хөндлөнгийн хүн бол элгээ хөштөл инээмээр дүр зураг харагдлаа. Харуул, хэвтүүлээс эхлээд хүрээний эрчүүд толгой дараалан хүлэгтэй энд тэнд бөндийн хэвтэнэ. Сач бэх уурандаа хөлд өртсөн бүрийг өшигчин, хараал зүхлийн үг урсган явна.
Тэр ийнхүү явж байхдаа бас гайхахын ихээр гайхлаа. Эд хөрөнгө, эр цэрэг хамаг юм нь бүрэн бүтэн байгаад гайхна. Хэрвээ тэр өөрөө өстөний хүрээ рүү ийн уулгалан ороод бүгдийг нь хүлж баглаж амжсан бол цөмийг цөлбөөд л явах билээ. Эрслэх тулаан, хатгалдах байлдаанд эр зориг, хатан зүрх дутаж байгаагүй зүрх зориг ихээрээ алдаршсан жүрхэн овгийнхон ингээд хэвтэж байгаа нь Сач бэхийн санаад хэрхэвч багтахгүй байв.
- Зүрхээ зүсүүлсэн жүрхэнүүд зүгээр сууж байгаад л хүлэгдэж байгаа нь энэ үү? Өвөг дээдсийн хайран ч алдар нэр! хэмээн Сач бэх бусдыгаа загнан байхдаа өөрөө үүр шөнийн заагийн үнэгэн харанхуйгаар уулгалан орж ирсэн дайсанд баригдан бусдынхаа адилаар хүлэгдээгүй юм шиг таахалзана.
- Татаарууд орж ирэв үү? Тэд чинь яахлаараа та нарыг боол болгоод туугаад явчихдаггүй билээ? Эд хөрөнгө, эмс охидыг минь яахлаараа авсангүй вэ% Энэ ямар учиртай юм бэ, даруйхан хэлээтэх гэж Сач бэх учир зүггүй хашхиран багтарна.
- Тэмүүжинг л авах гэсэн юм бишүү, түүнээс л болж бид энэ зовлон амслаа гэж харанхуйн дундаас хэн нэг нь эмээнгүй дуугаар хэллээ. Энэ үг Сач бэхийн уурыг улам ч шатаав бололтой. Тэр доорх газраа дэвслэн, байдаг хоолойгоороо,
- Тэмүүжин бидэнд ямар хамаатай юм бэ? гэв.
Сач бэх өөрийн дүү Тайчуугийн хамт Өөлүн эхийг хэдэн хүүхдийн нь хамт хаяад Таргадай-Хирэлдэгийг даган нүүхдээ өвөг эцэг нэгтэй Тэмүүжин ах дүү нарыг өчүүхэн ч бодоогүй билээ. Тэмүүжин өөрийн нь хүрээнд дөнгөлөгдөж ирэн боолын хийдэг ажлыг хийн өлөн зэлмэг гол зогоож байхад нь өөхтэй хэрчим мах ч аваад өгөхгүй, өвлийн хүйтэнд зутарч даарч байгаа гээд үстэй хуучин дээлээ ч өмсгөж байсангүй. Шаналж ядарсан биеийн нь чилээг гаргая гээд шөнө унтахад нь хүзүүн дэх модон дөнгийг ч суллан авч байгаагүй билээ. Харин хамаатан саднаа хаацайлж байна гээд Таргадай-Хирэлдэгийн сэтгэлд элдэв буруу бодол төрүүлчих вий гэж хар толгойгоо бодон, хар элэгтний хүрээнд байдгаас ч хатуугаар нухчин байсан билээ. Түүнийг нь Аучу баатар үнэлэн Тэмүүжинг авч явахдаа түүнд, Хорт бэлтрэг танай хүрээнд ирээд бүр яс арьс болж гүйцсэн байна. Энэ чинь сайн хэрэг. Гэхдээ долоон голтой чөтгөр гэсэндээ амьсгаатай байна шүү! За яах вэ, өвлийн хүйтэнд осгож үхдэггүй юм аа гэхэд хаврын тарчиг цагт өлбөрч өнхрөх байлгүй гэсэн үг хэлсэн билээ. Энэ үгийг сонсон Сач бэх сэтгэл өег байсныг өгүүлэх юун. Таргадай-Хирилдэгийн баруун гарын баатар эрийн амнаас ийм үг барин тавин сонссон болохоор юутай ч надад буруу санасангүй гэж бодсон.
Түүнийг авч явсан хойно л энэ дайснууд довтлон ирсэн нь харсан тэнгэрийнх. Тэмүүжинг хүрээнээсээ алдчихсан бол ч найманыг бараадахаас өөр толгой хоргодох газаргүй болох байсан. Эзэн тэнгэрийн ивээл намайг арай л орхичихоогүй байгаа юм байна гэж сүслэн бодож уур хилэгнэл нь жаахан намжив.
Энэ зуур хүлээстэй хүмүүс хүлээснээсээ салан ундуй сундуй болсон юмсаа байранд нь оруулан хүүхэд шуухадын уйлаан майлаан намжиж хүрээ нь хэвийн байдалдаа орж эхэлсэн байв. Тооноор оч улалзан энд тэндгүй гал түлж утаа үнэртэнэ. Үүр тэмдэгрэх төдий байснаа хаяаран дорнод зүгээс улаан шаргал туяа тусна. Ийнхүү нэгэн шөнө өнгөрч шинэ өдөр залган иржээ.
Сач бэх ийнхүү тайвшрах аяс орон түрүүчийнх шигээ хөлдөө тааралдсан бүхнийг өшигчилгүй явсаар гэртээ орлоо. Тийн хүрээнийхээ шадар хүмүүсийг дуудан цугларуулав. Тэд цөм л бие биесийн нүүрийг эгцлэн харж ч чадахгүй дальдран байх шиг санагдана. Жүрхэний зүрхийг алдаж, даанч арчаагүйгээр үл мэдэгдэх хэдэн хүмүүст хүлэгдсэндээ болоод ийнхүү бие биеэсээ ичингүйрэн байлаа.
- Хаанахынхан түйвээгээд явав аа? Таньж мэдсэн, тааж гадарласан хүн байна уу? хэмээн Сач бэх шадар дотныхноосоо шаардангуй асуулаа.
- Татааруудаас өөр хэн байх вэ? Мэгүүжин сүүлтийнхэн л биз?
- Тийм ээ, тэд чинь Есүгэйнхэнтэй цусны өстэй улс.
- Есүгэйнхэнтэй гэвэл бидэнтэй ч адилхан л өстөн. Амбагай хан аавын минь дүү Есүгэй аль алин нь тэдэнд хорлогдоо биз дээ?
- Тэд сая ирэхдээ ганцхан Тэмүүжинг л шаардсан болохоор юуны урьд Есүгэйнхэнтэй яс махны өстэй байна гэсэн үг.
- Татаарууд тэгээд эд хөрөнгө эхнэр хүүхэд булааж авахгүй явна гэдэг санаа сэтгэлд нэг л багтах биш. Татаарууд биш байх.
- Тэмүүжинг гаргаж өг хэмээн шаардаж буй хүний дуу залуу хүнийх байсан. Татааруудад тийм залуу баатар бий билүү?
- Мэгүүжин сүүлтийн нэг хүү л явж байгаа биз.
- Хэрэйдүүд ирсэн юм биш биз. Хан Тоорил чинь Есүгэй баатрын хүч, тусаар улс гэрээ сэргээн авснаа санаад хүүг нь хөл дээр нь босгох гэж бодсон юм биш үү?
- Тоорил ханы дуу яавч биш. Тэр чинь залуу хүний дуу байсан.
- Хүү Сэнгүмийн нь дуу биз. Тэр чинь залуу хүн.
- Тоорил хан ч барагтайд зориглож хөдлөхгүй хүн. Хэн нэгэн болчимгүй залуу л ийм явдал хиймээр юм даа. Их л сэжигтэй хэрэг.
- Нээрээ тийм шүү. Жадран овгийн Жамуух хүү ирсэн юм биш биз?
- Тийм байж мэдэх л юм. Тэмүүжин тэр хоёр чинь анд бололцсон улс. Тэр одоо аймаг улсаа тэргүүлж байгаа болохоор юу хийе гэснээ өөрийн дураар хийж чадна. Тэгээд л ингэж яваа байх. Энэ бол хал үзсэн хашир хүний явдал хэрхэвч биш.
- Жамуухаас зайлахгүй. Түүнийг одоо араас нь нэхэж очоод нэгмөсөн юу ч үгүй болгоод хая. Жүрхэн овгийнхныг ингэж дуртай нэг нусгай хүүхэд үүр шөнөөр ирж барьж хүлээд байж болохгүйг мэдүүлэх хэрэгтэй юм шүү! гэлцэн Сач бэхийн шадар хүмүүс саяхан уушиг зүрх нь амаараа гарчих шахан айж мэгдэж байснаа ор тас мартчихсан юм уу, эсвэл түүнийгээ түр зуур ч атугай мартахыг хичээсэндээ тэр үү, бие биеэсээ өрсөн ам амандаа ярьцгаалаа.
Сач бэх энэ бүх яриаг чагнан, хүн хүний нүүр өөд янзыг нь үзсэн байдлаар ширтэн дуугүй сууна. Хамаг монголын анхны хан Хабуулын ууган хүү Охинбархагийн ач, Хутугту Жүрхийн хөвүүн Сач бэх өнөөдөр Таргадай-Хирилдэгийг дагаж, түүнээс айж бэмбэгнэж явалгүй удам судраа хөөж хамаг монголыг нэгтгэн хаан ширээнд суувал сууж л байх хүний нэг билээ. Энэ ширээнд Хотол ханы хүү Алтан, Хабуул ханы ач Сач бэх, Бүрбөх, Тэмүүжин, Хучар нарын л хэн нэг нь суух ёстойсон билээ. Гэтэл Есүгэй баатрын отгон дүү Дарьдай отчигоноос эхлээд Алтан, Хучар, Бүрбөх, ах дүү Сач бэх, Тайчуу нар цөм Таргадай-Хирилдэгийг даган одож, бяцхан Тэмүүжин баригдаж дөнгөлөгдөж явна. Сач бэх ийнхүү сууж байхдаа энэ бүгдийг эргэцүүлэн бодож байлаа.
Таргадай-Хирилдэг ч гэсэн удам судраа хөөвөл Тумбинай сэцэний нэг хүү, Хабуул ханы дүү Батхүлэгийн удам билээ. Тэгэхээр Таргадай-Хирилдэг ч хан байвал байх л хүн. Гэхдээ удас дамжсан ойрыг нь хөөвөл бид хэдийн нэг л хан болох ёстой. Бид гэтэл эв түнжингээ алдаад Таргадайн гарт орчих юм даа. Одоо очиж Тэмүүжинг суллах гэж хэн нэгэн аймгийнхан оролдсон тухай ярьж буруутан болон зогсох хэрэг гарлаа хэмээн харуусан бодов.
Хотол хан Найманы Гүр ханыхаас дарс ууж ирээд түүнээсээ болж хордож үхсэний дараа Хамаг Монголын хан ширээний төлөө өрсөлдөөн хүчтэй болж тийн тэмцэлдсээр эцэтээ Есүгэй хэдийгээр хан хэмээн зарлагдаагүй боловч хэрэг дээрээ хамаг Монголын хан болсон билээ. Тиймээс ч Есүгэйн ах Нэгүүн тайжийн хүү Хучар, Бартан баатрын дүү Хутугту Монхорын хүү Бүрбөх, Бартан баатрын ах Охинбархагийн хүү Сач бэх, Тайчуу, Хотол ханы хүү Алтан зэрэг Тэмүүжиний ойрын садныхан нь Тэмүүжин эцэг шигээ, нэг л мэдэхэд бидний толгой дээр гараад хан биш атлаа хан болчихсон байх вий гэж сэрдэн бодож байснаас түүнийг Таргадай-Хирилдэгийн гараас мултлан гаргах талаар огт бодохгүй, харин тэндээ баттай байгаасай гэж хүсэцгээж байжээ. Тэгээд ч Таргадай-Хирилдэгийг дагасан билээ.
Сач бэх энэ бүхнийг эргэцүүлэн бодож шадар нөхдийнхөө ярихыг чагнан байснаа өөрийн нь хүрээнд татаарууд биш жадран овгийн Жамуух хүү л довтлон ирж гарыг нь хүлэн элэг доог болгосныг гэнэтхэн ойлгов. Тийн ойлгоод уур нь дахин дүрэлзэв. Эцсийн эцэст энэ бүр явдал Тэмүүжингээс л болж байгаа юм. Тэр л гол буруутан хэмээх бодол улам улмаар зэвүүг нь хүргэнэ.
- Жадран овгийнхон довтолсон нь тодорхой байна. Бид түүнээс хариугаа авна. Зүгээр өнгөрөөж болохгүй. Түүний бяцхан хүрээг дайрч өөрийн нь хэлж байснаар хүрээний нь суурин дээр үнс чандруу л үлдээнэ. Эд хөрөнгө, эмс охидыг нь олзолж, эр цэргүүдийг нь боол болгоно. Жамуухыг өөрийг нь Тэмүүжин шиг модон дөнгөнд оруулж хоёуланг нь холбоод турж хатаж үхтэл нь хүрээ хэсүүлнэ гэж Сач бэх салгалан чичрэх гараараа занган савирах шүлсээ урсган өчлөө.
Түүний яриаг хэн зориглон тасалж маргах билээ. Бүгд л толгой дохин зөвшиж дуугүй сууцгаана. Тэдний нүд нь гялалзан одоохон ингээд гаднаас Жамуух хөвгүүнийг оруулаад ирвэл тэр дор нь тасдан хөшигчихөд бэлэн байдлыг илтгэнэ.
Сач бэх ийнхүү амныхаа хэрээр хашхирч, тэгснээрээ Жамуухаас өс хонзонгоо авсан мэт болоод нэлээд тайвшрав. Тэрээр одоо чухам юу хийх, яах учраа олохгүй байлаа. Үүр нэгэнт цайж, хойд уулын оройд өвлийн илч муутай цонхигор нарны шаргал туяа тусан, уулын орой дахь элгэн хүрэн хаданд ойно. Сач бэх дахиад л бодолд автан хэсэг дуугүй сууснаа, дээд уруулынхаа сахлыг имрэн,
- Тайчуу дүү нэг хүрээ бололгүй салж явсан нь дайсны идэш болоход нэмэр болов. Хайдуу чи явж Тайчууг шадар хишигтэнтэй нь дагуулан ир. Би юманд явна. Намайг иртэл хүлээж л байг. Нэг хоёр нь мордоод Жамуухын мөрийг мөшгөөд хаа хүрснийг нь даруйхан мэдэж ир. Түүнийг би тэнгэрт нисч гарсан ч, газарт шургаж орсон ч хаанаас л бол хаанаас олж, толгойг нь тасдана. Миний сэлэмний их хурц байгаа. Томхон нум татах насандаа хүрээгүй байж яасан зоригтой баатар эр гарч ирэх нь тэр вэ? Тоорил ханы нөмөрт байгаа болохоороо зориг орж дээ. Тэр Тоорил чинь цус нэгт ах дүү нараа алж байж хан ширээнд гарч ирсэн хүн, харь элэгтэнд туслаад байх нь гайгүй биз. Ирвэсийн зулзага байна даа. Чонынхоо бэлтрэйгтэй нийлээд нэг өдөр бидний толгой дээр гаръя гэж бодоо юм болов уу? гэж ярьж байхдаа Тоорил ханы толбот шар царайг сэтгэлдээ үзэн бие нь зарсхийв. Хэрэйдийн хант улсын хүчийг талын аймгууд андахгүй мэднэ. Хэрэйд, Найман, Татаар, Тайчууд гэсэн хэдхэн хүчирхэг аймаг бий. Бусад жижиг аймгууд бол бидэнтэй эн зэрэгцэх юм хаа байх вэ. Жамуухтай барьцалдах гэсэн чинь Тоорилтой тонгоролцох хэрэг болчихгүй байгаа хэмээн айдас төрүүлэм бодол Сач бэхийн толгойд орж ирэн хэлж байсан үгээ ч гүйцээлгүй дуугүй болоход хүрэв.
Жамуух тэргүүтний мөрийг хөөхөөр хэдэн хүн мордон давхилаа. Тайчууд хэл дуулган авчрахаар Хайду явав. Сач бэх энэ хоёр элчийг явуулчихаад их л үйл бүтээсэн хүний байдлаар хоймортоо ямбалан сууж цай уун мах иднэ. Бага хатан Эбэхэй нь гэрийн зүүн тал дахь хананд өлгөсөн үхрийн дэлэнгийн дүрсийн хавилдуу суун Сач бэхийг сэм сэмхэн ажиглан харна. Гэрийн баруун талын хананд гүүний дэлэнгийн дүрс хайчлан өлгөжээ. Эрчүүд гүүгээ саадаг, эмэгтэйчүүд үнээгээ саадаг ёсыг даган ийнхүү хайчилсан дүрсийг айл гэр бүрийд хадсан байдаг нь ихэс дээдсээс эхлээд харцуулд хүртэл бүгдэд хамаарна.
Сач бэх халиун бугын онгон шүтээнээ эсгийгээр хайчлан хойморт байх орныхоо арын хананы толгойноос өлгөжээ. Түүнийхээ хажууд үнэг, чоно, харцага зэрэг бусад шүтээнийхээ хайчилмал дүрсийг өлгөсөн байна. Хоолныхоо өөхтэй тостой хэсгээс онгон сахиусныхаа аманд хүргэн хооллуулсаар байгаад тэдгээр нь даг тос болсон байлаа. Сач бэх онгон сахиусандаа мөргөж сүслэнэ.
Таргадай-Хирилдэгийн гол хүрээнд очиж болсон явдлыг нэгд нэгэнгүй ярих хатуу даваа үлдсэнд тэр байдгаараа хулчийн яахаа үл мэднэ. Таргайдайн онигор хар нүд нь өрөмдөн ширтэх шиг болж бие нь хүйт оргино.
Бага үд өнгөрөхийн алдад тэнгэр будран цас хаялж эхлэв. Жаврын эрч чангаран цас улам лавсан дарж тэртэй тэргүй цагаан далай болсон уул талын цасыг улам зузааруулан дарж бог малын хэвлийд хонхор хотгор газраараа хүрэх болов. Тэнгэр муудсан нь дулаан гэрээсээ тэртэй тэргүй гарах хүслээр дурамжхан байсан Сач бэх гадагш гарч тэнгэрийн байдлыг хэдэнтээ ажигласнаа энэ өдөр Таргадай-Хирилдэгийн гол хүрээнд очихоо түдгэлзэхээр шийдлээ. Тэрээр Тэмүүжинг анд Жамуухад нь алдсан буруу байхгүй ч гэлээ, хүрээ тэр аяараа хүлэгдэн арчаагүй байдалд орсноо, Жамуух хэрвээ хүссэн бол тэр аяараа Жамуухын олз боол болох байснаа бодоход айдас төрж байлаа. Таргадай-Хирилдэгээс гадна эр зоригтой боловч сагсуу түргэн зантай, хилэгнэл ихтэй Аучу баатрын хатуу үгнээс хулчийна. Тийн юу ч болдог байлаа гэсэн дараагийн өдрийг хүлээхээр шийдэн хэдэн аяга архи залгилаад орондоо орж хэвтлээ.

Top
   
PostPosted: Feb.03.16 6:18 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
III

Монголын Алтай, Хангай уудам тал нутагт аль хэдийнэ хавар цаг иржээ. Цагаан далай болон өдрийн наранд нүд гялбуулж, шөнө сарны гэрэлд гялалзан байсан их цасан хаврын нар, салхины хүчинд сарсайн хайлж хуурай сайр цасны булингарт усаар дүүрэн оволзож, эх захгүй уудам хөх тэнгэрт урины шувууд зэллэн ганганаж, нялх ногоо хагдарсан урьд оны өвсөн дороос түрэн цухуйж шинэ ногоо идсэн малын хөл чангарч, ичээнээсээ гарсан тарвага зурам гүйлдэн идээшилж, нялх унага, ботго тоглон наадна. Юм бүхэн сэргэн амилж, үржин төлждөг, урган соёолдог хавар цаг гэдэг ийм билээ.
Намар орой тайчуудын гарт орон хүзүүндээ дөнгө зүүсэн Тэмүүжин хүү хаврын энэ улирах цагтай дөнгө зүүсэн хэвээрээ золгов. Чухам хэзээ энэ дөнгөнөөс мултран чөлөөтэйгөөр амьсгалах буюу эсвэл энэ чигээрээ эцсээ үзэхийн алин нь хүлээж буйг үл мэдэн шинэ өдөр бүрийг итгэл найдлага, цөхрөл мухардлаар угтана. Хүрээ хүрээ хэсэн айл айлд зарагдан аяганы шавхруугаар гол зогоон хэдэн сарыг өнгөрөөсөн боловч Таргадай-Хирилдэгийн гараас мултарч хойтын өдөр өстөнөөс өсөө авч, өнчирсөн эх дүү нараа хөл дээр нь босгож өөрөө эцгийн улсыг тэргүүлэн сэргээнэ, чухам ингэхийн төлөө л амсах ёстойг амсаж, туулах ёстойг туулна, тэгэхгүйгээр бодсон бодол, хүрэх гэсэн хүсэл минь манан будан шиг агаарт замхран алга болно гэх бодол Тэмүүжинд үе үе орж ирнэ. Зарим үед эцгийн улс тарж бутарч гүйцлээ. Ээж дүү нар чадал тэнхээ суугаагүй байна. Энэ бие минь дөнгөнд ороод хатаж гүйцэв. Амраг садан, анд нөхдийн хэн нь ч гар сунган тусалж хошуу цорвойн өрөвдөх янз огтоос алга. Ийм болохоор санашгүйг санаж, бүтэшгүйг бүтээх гэж оролдон өчүүхэн биеийг улам зовоож байхаар хувь тавилангийн жолоонд хөтлөгдөн яваад эцсээ үзье. Түүний өөдөөс сөрж зүтгээд над мэтийн өчүүхэн амьтан юунд хүрэх билээ гэж цөхрөн бодно.
Ийнхүү амьдарч тэмцэх, ялж давах гэсэн нэгэн хүслэн, алдаж өнхөрч дуусч, юу л болно түүнийг л хүлээж байя гэсэн бас нэгэн хүслэн хоорондоо өрсөлдөн залуу Тэмүүжиний бие сэтгэлийг шаналгана. Тэр бие сэтгэлийн зовлон гэгч юу байдгийг хангалттайяа амсаж байна гэж бодно. Энэ хэдэн сард түүний мах шөл шуугдан турж, эгээ л ясан дээр тохсон арьж гэхээр болжээ. Хээл томтой чих нь хүртэл нар сар нэвт тусан дэржийх ажээ. Царайны өнгө нь гандан харлаж, уруул нь хагаран омгоруутжээ. Өргөн магнай, алив бүхнийг өрөмдөн ширтэх хурц нүд хоёр нь л хэвээрээ, огтоос өөрчлөгдөөгүй юм шиг санагдана. Тэрхүү урагш яльгүй түрсэн түмбэгэр өргөн магнайд ямар нэгэн их хүч, чадал нуугдан байх шиг санагдана. Хонин бор нүдний нь харц халуунд халах, хүйтэнд хөрөх, зовж зүдрэх, баярлаж хөөрөх алинд ч өөрчлөгдөхгүй алив юмыг нэвт шувт харан цаана нь юу байгааг мэдэн байгаа юм шиг тийм салангид, хүчтэй байдлаа хадгалан байдаг ажээ хэмээн хэнд ч бодогдохоор. Цээж дал хавиараа бөгтийн байх нь дөнгийг аваад хаячихвал хөвгүүний нуруу цээж тэнийн ямар сайхан сүрлэг эр өндийн гарч ирэхсэн билээ гэж харуусан бодмоор харагдана. Дээд уруул, эрүү, шанааны нь тус газраар үл мэдэг үс ургаж эхэлсэн нь нүднээ тусна. Эр өсч эсгий сунаж байгаагийн ийм нэгэн жам байдгийг амьдралын ямар ч хүнд ачаа, хэн гэгч эрх мэдэлтний зарлиг тушаал ч өөрчилж чаддаггүй болохоор элдвийг амсан яваа Тэмүүжин ч дөнгөн доор ч өсч торнисоор, эр бие гүйцэж буйг нь дөнгөж цухуйж эхэлж буй сахал үс нь нотолно.
Энэ хугацаанд Тэмүүжиний амьдрал нэгэн хэвийн гэж болохоор айлаас айлд очин хамаг хар бор ажлыг нь хийж, хоолны шавхруу долоон, үргэлж гэдэс, сэтгэл дундуур явсаар байвч энэ нь зөвхөн өнгөн тал байлаа.

Top
   
PostPosted: Feb.08.16 1:43 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бодогдох бодол нь ч гэсэн тайчуудын гараас даруйхан шиг мултарч эх дүү нараа асарч тэнцүүлэн босгож, эцгийн задарсан улсыг нэгтгэн сэргээж, өстнөөс өсөө авах л тухай мэт байвч энэ нь бас л гадна өнгөний харагдах бодол. Амьдралын юмыг ухаж ойлгох, тусган авах, тэгээд эргэцүүлэн бодож дүгнэн үзэх, түүнийхээ үндсэн дээр хамгийн зөв гэгдэх эцсийн шийдвэр гаргах, түүндээ ямар арга чарга хэрэглэн ямар замаар хэрхэн хүрэхийг тунгаан боловсруулах зэрэг урьд өмнө нь зүүдэлдэггүй байсан олон шинэ бодол, ойлголт түүнд энэ зуур бий болжээ. Тэмүүжинг гаднаас нь харсан хэн ч түүний тархи толгойд ийм олон зүйл бодол, тунгаалал эргэлдэн байна гэдгийг яагаад ч гадарлах аргагүй. Тэр өөрөө ч энэ бүхнийг бүрэн гүйцдээр мэдэрч байгаа эсэхийг бүү мэд! Гэвч өөрт нь мэдэгдэлгүйгээр амьдрал, тэмцлийн ийм ийм туршлага тархи толгойд нь хуримтлагдан, хоног өдөр өнгөрөх бүрий тэр нь улам улам баяжин тэлсээр байлаа. Хожмын амсах туулах, давах амьдралд нь энэ бүхэн тус ч болох, ус ч болохыг тэр өөрөө ч, тэгэх тусмаа өрөөл бусад хүн ч хэрхэн яаж гадарлах билээ.
- Тэмүүжин ийнхүү олон сар хүсэл зоригоо биелүүлэхийн тулд юуны түрүүн хэн нэгэн хүчтэний нөмөр түшгийг бараадах хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн хурцаар ойлгож авав. Гэхдээ дөнгөнд орчихоод сууж байгаа намайг хэн өмөг түшигтээ авах билээ гэдгийг үл мэднэ. Гах хоосон хөл нүцгэн намайг хэн ивээлдээ авч эцгийн улсыг эмхэлж өгөх билээ? гэж бодно. Хүчтэй нь хүчгүйгээ, олон нь цөөнөө, мэхтэй нь мунхгаа, хөрөнгөтэй нь хоосноо хөл дороо нухчин дарж сүр хүчийг үзүүлэн байхыг Тэмүүжин олонтаа харав.
Өвөл Сач бэхийн хүрээ рүү Жамуух анд нь довтлон өөрийг нь суллаж авах гэж оролдсоныг Тэмүүжин хавар болсон хойно л сонсож мэдэв. Тийнхүү мэдээд анд нөхөртөө талархан баярлаж, энэ хэдэн сарын дотор сэтгэлд нь анх удаа эндээс мултран гарч болох нь гэсэн гэгээ гэрэлт бодол төрсөн билээ. Анд нөхөр минь намайг ор тас марчихаагүй байгаа юм байна. Тийм болохоор би итгэл алдран элгээ тэвэрч уруу царайлан суух хэрэггүй, мултарч гарах арга сүвийг эрэх ёстой гэсэн шулуудсан бодол сэтгэлд нь лавтай шингэжээ.
Дарьдай отчигин, Алтан, Хучар, Тайчуу, Сач бэх гээд өөрийн ойрын хамаатан садангуудынханыхаа хүрээнд байхдаа Тэмүүжин тэдэнтэй уулзан хэд гурван үг сольж, эв хүчээ нэгтгэн Таргадай-Хирилдэгийн захиргаанаас гарч явбал яасан юм бэ гэж ятган оролдвол яадаг юм гэж бодож байсан боловч тэр нь талаар болсон билээ. Тэдний хэн нь ч Тэмүүжинтэй уулзсангүй. Хэн нь ч аяга халуун хоол илүү өгсөнгүй. Хар элэгтнээс ч хатуу байсан гэвэл үнэнд илүү ойртох байлаа.
Жамуух Сач бэхийн хүрээ рүү дайрснаас хойш Тэмүүжинг нэг хүн байнга манаж байдаг болов. Цаад учрыг нарийн мэдэхгүй байсан Тэмүүжин, оргож босох гэсэн оролдлого, сэжиг төрүүлээгүй л юмсан. Юу болоод байгаа нь энэ вэ? хэмээн гайхахын ихээр гайхаж байлаа. гэвч байнгын манаатай болсон нь сэтгэлийн шаналалыг улам хүнд болгов. Хаашаа л хөдөлнө нэг хүн сүүдэр шиг дагана. Зандчиж уурлана.
- Дарьдай отчигин авгыг дууд. Би түүнтэй хэдэн үг яримаар байна гэж Тэмүүжин авгынхаа хүрээнд байхдаа манаа хийж буй хүндээ нэг удаа хэлсэн билээ. Тэр нь эл үгийг сонсоод байдгаараа инээж, тэгээд шүлсэндээ хахаж цацан байж,
- Авга ахад чинь авгай хүүхэд, эд хөрөнгө, эр цэрэг боол нь хэрэгтэй болохоос ядуу хоосон Тэмүүжиний хэрэг юу байх билээ. Чи түүний өмнө сөгдөж унаад ч өршөөл ивээлийг нь хүртэж чадахгүй. Тэр авга чинь Таргадай-Хирилдэгийн өмнө өөрөө сөгдөн унаж өршөөл ивээл эрж байгаа. Хатаж үхэх өдрөө хүлээн сэтгэл санаандаа дэмий олон юм бодолгүй тайван байж байх нь биед чинь амар байлгүй дээ гэсэн үгээр дооглонгуй хариулсан билээ.
Ийм үгс сонссон Тэмүүжин яаж ч байгаад гэсэн оргон босож тайчуудын гараас мултрах хэрэгтэй юм байна гэсэн хатуу бодлыг өвөрлөсөн. Тэвч тийм боломж хэрхэн бэлэн байж байх билээ. Бас цас арилж цаг улирал дулаарахыг хүлээх хэрэгтэй гэдгийг ойлгож байсан. Ийн хавар болж өвс ногоо урган цас хайлж өдөртөө төдийгүй шөнөдөө ч овоо дулаахан өнгөрдөг болсон авч түүнд зугтан явах боломж гарахгүй л байлаа. Агт морьдын үс гуужин, хондлой дүүрч чадал ороод эхлэхтэй зэрэг нүүдэлчин аймгуудын хөл хөдөлгөөн, нүүдэл суудал, дайралт довтолгоон эхэлнэ гэдгийг Тэмүүжин сайн мэдэж байв. Ийм үймээс самуун, хөл хөөрцгийн үеэр зугтах боломж гарч магадгүй хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн хүлээвч хаанаас хэн ч довтолж ирэхгүй байлаа.
Жамуух анд одоо довтлоод ирэхгүй байгаа даа? хэмээн найдан хүлээвч, тайчуудын холбооны олон аймагтай ганц жадран аймгийнхан яаж тэмцэж чадах билээ. Өвөл гэнэ сэнэгүй байхад нь л дайрсан. Одоо бол тэгж гэнэдүүлнэ хэмээн бодохын ч хэрэг байхгүй. Намайг суллахаар ирсэн түүнийг ирнэ гэж хүлээх нь сэтгэлээ л тайтгаруулан хуурсан хэрэг гэдгийг цаанаа сайн мэдэж байлаа. Өөлүн ээж, дүү нар минь яаж шүү амь зууж байгаа бол доо? Намайг яадарч зүдрээд ч гэсэн амьд явааг минь мэдэж байгаа болов уу? Энэ өвлийг яаж шуу давсан бол гэх бодол сэтгэлд нь байнга уяастай.
Таргадай-Хирилдэг тайчуудын аймгийн холбооны бүх ноёд, шадар нөхдөө хүрээндээ урин ирүүлснээс хүрээний хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц их болсон байв. Тэр сахалгүй уруулаа байн байн шувтран илэх нь хажуугаас нь харахад инээдэмтэй. Хэрвээ сахал ургасан бол ямар их маадгар байх бол? гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Ялхигар том биед ч халхайсан улаан торгон дээл өмсөж суран бүс чанга татан бүсэлжээ. Дээл нь шүр сувд, танан чимэг, хажлагатай ажээ. Магнай дух руугаа унжсан салмай үсээ бараг зовхиндоо хүртэл ургуулан тэгшлэн тайрсан учраас тарган махлаг царайг нь улам ч дүүрэн болгосон харагдана. Тэр нэлээд тэгшхэн цагаан шүдтэй ажээ.
Таргадай-Хирилдэг мах ихтэй тарган хүзүүгээ хөшилдүүлэн арайхийн эргүүлж ноёд, шадар нөхдөө удаанаар тойруулж харснаа, богинохон сормуусаа хөдөлгөн нүдээ цавчлан байх нь энэ хүний нүүр үсээр биш, өөрөөр элбэг ажээ гэх хачин бодол төрүүлнэ. Шалхайн унжсан зовхи, хацар нь үл мэдэг татваганан хөдөлнө.
Бартан баатар, Нэгүүн тайж, Хотол ханы нэг цусны удмынхныг хооронд нь хутган өрсөлдүүлж чадсанаар тэдэнтэй зэрэгцүүлбэл яагаад ч тайчуудын аймгийн холбоог толгойлох эрхгүй байсан тэр, өнөөдөр энэ аймгийн холбооны толгойд гарчихаад байгаадаа сэтгэл тун хангалуун байгаа билээ. Есүгэй баатар Хотол ханы дараа хэрэг дээрээ хамаг Монголын хан болчихоод байсны замыг би яагаад давтаж болохгүй билээ. Тайчууд аймгийн холбоо хүч чадлаар барагтай аймгийн доор орохгүй. Алтан, Хучар, Тайчуу, Бүрбөх, Сач бэх нар бие биеэсээ өрсөн хамаг Монголын ханы суудалд дотор дотроо санаархаж бие биедээ итгэхгүй байна. Тэр дундаас нь би л олз олох ёстой. Эд нар өвөр зуураа өрсөлдөхийн зэрэгцээ Тэмүүжин хэмээх бас нэгэн өрсөлдөгчийг нэмэн авах дур хүсэл өчүүхэн ч байхгүй байгаа. Тиймээс ч тэр Тэмүүжинг энд хориход тэдний нэг нь ч түүнийг гэсэн ганц үг цухуйлгаагүй, харин өөр өөрийн хүрээнд байлгахдаа бүр хэлцээтэй юм шиг түүнийг улам ч чандаар цагдан, хэд хоноод л над дээр ирж өршөөлгүй байгаагаа ид хав болгон ярьцгааж байсан. Бэлтрэг Тэмүүжин тэнхэрч чадахгүй ингэсгээд хатаж үхнэ биз. Одоо тэгэхлээр Алтан, Хучар хоёрыг хооронд нь мөргөлдүүлэх ажил бий. Тэгээд болбол хоёуланг нь, эс бөгөөс аль дийлэгдсэнийг нь зайлуулбал бас нэг алхам болно. Сач бэхийг Жамуух хөвгүүнтэй ноцолдуулдаг хэрэг. Тэгэхлээр Тайчуу ч ахынхаа хойноос гүйгээд орно биз. Цаана нь Бүрбөх тэнэг үлдэнэ. Бүрбөх барилдаад л морио уралдуулаад л явж байвал боллоо. Тун яггүй хүн чинь л Хотолын хүү Алтан. Тэр чинь нөгөөдүүлтэй мах цусны холбоо байхгүй. Гэтэл бас өөр ямар ч санаа ихтэн гарч ирэх юм билээ гэж бодохоос сэдэж бодсон бүхэн нь хэзээ ч бүтэшгүй юм шиг санагдаж, тамир нь тасрав. Тэр, гэрт байгсадыг дахин тойруулж харснаа, үл мэдэг тамшаалан байж,
- Дэлхий дэлэгнэж агт морьдын үс гуужин хөл нь чангарч байна. Атаат дайснууд ч гар хумхин элгээ тэврэн суугаагүй байх. Тэгэхлээр бид юуны түрүүн өнгөрсөн өвөл Сач бэхийн хүрээ рүү довтлон очиж бид бүгдийг доромжилж Тэмүүжинг суллан авах гэсэн Жамуухын арван гурван отгийг замын тоос болгох цаг ирлээ. Сэцэн ноёд шадар нөхөд энэ талаар юу гэж соёрхохсон бол? гэж Таргадай-Хирилдэг хэлэхдээ хан удмынхныг л хамгийн их няхуураар харна. Бусдаасаа ч насаар ахмад, долоо шархадсан чоно шиг хашир Дарьдай отчигин үнэгийх шиг жийхагар гүдээр өөрийг нь ширтэнэ. Гэтэл юм юмны түрүүн л учир зүггүй дуугарч байх дуртай Аучу баатар өтгөн хар сахалтай амныхаа цаанаас цагаан шүдээ яралзуулан,
- Жадран аймгийнхныг зад цохин Жамуух бэлтрэгийг өлөн арслангийн аманд хаяж өгөх цаг болсон. Хэрвээ би Тэмүүжин бэлтрэгийг тэр үед авч яваагүй бол өдийд тэр чинь бидэн рүү өлөн бар шиг дайран ирэх байсан. Агт морины тэнхэлтэйд агссан зэвсгийн хүчтэйд уулын үер шиг нөмрөн бууя! гэлээ.
Тодойн Гиртэ Аучу баатрыг хяламхийн харснаа, харцаа төв болгон намуунаар,
- Жамуухын арван гурван отгийг ч бид янзы нь олчихож дөнгөх байх. Харин Хэрэйдийн хан Тоорил их цэргээ аван хүрч ирвэл яах билээ? гэж бүгдээс асуугаад дуугүй болов. Цааш нь юм хэлэх нь үү гэтэл амаа үдүүлчихсэн юм шиг байлаа. Таргадай-Хирилдэг өөрийн дотны хамтран зүтгэгчийнхээ хэлсэн эл үгэнд дургүй нь хүрнэ. Учир юун хэмээвээс бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэгчээр ийнхүү зөвлөлдөн ярилцсан байдал үзүүлчихээд Сач бэх, Тайчуу хоёрыг Жамуухтай байлдуулахаар явуулах бодол агуулан байсан билээ. Жамуухтай барьцалдана гэдэг Тоорилын гарт гүйж орно гэсэн үг гэдгийг Таргадай сайн мэдэж байсан. Миний бодсоныг Тодойн Гиртэ надаар хэлүүлэлгүй ойлгох л ёстой сон билээ. Яагаад ийм илүү үг ярина вэ? гэж уурсах харуусах хосолно.

Top
   
PostPosted: Feb.17.16 11:29 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- Тэмүүжинг өндийж босоогүй байхад нь барьж дөнгөлсний адилаар л тэр Жамуухыг аль хэдийнэ барьж аваад хэдэн отгийг нь тараан цацах байсан юм. Биднийг зүүрмэглэж байх хооронд тэр могойн зулзага Тоорилын нөмөрт очоод орчихсон байсан гэж Дарьдай отчигин ямар ч өршөөл нигүүлсэлгүй хүйтэн дуугаар өчлөө. Тэр өөрийн төрсөн ах дүүгийн талаар бус, өрөөл бусдын өстөн дайсны талаар ярьж байгаа юм шиг ажээ. Хүйтэн зүрх, сэтгэл гэдэг энэ хүнд нэг их дутагдаад байхааргүй харагдана. Тэр ийнхүү хэлээд Таргадай-Хирилдэгийг эгцлэн ширтэх нь би хэлдгээ хэллээ. Санаанд чинь таарч байгаа биз дээ! гэсэн нүүр баатарлаг байдал илэрнэ. Тэр Жамуухтай байлдах эсвэл болих талаар тодорхой юм юу ч хэлээгүй атлаа Тэмүүжин Жамуух хоёрыг хамгийн л муу үгээр зэмлэсэн нь Дарьдай отчигиний үнэн нүүр царай нь байлаа. Тэр одоодоо хүч чадал ихтэй байгаа Тоорил ханы талаар ч нэг үг цухуйлгаж хэлсэнгүй, зөвхөн л түүний нөмөрт хоргодсон гээд Тоорил ханы энэ ажлыг сайшаан магтсан буюу зэмлэн буруушаасан зүйл хэлээгүй нь ч түүний төрөлх зангийн илрэл.
Ноёд шадар нөхдийн нэлээд нь Тоорил хантай муудалцсанд орвол Жамуухыг хөндөлгүй зүгээр байж байвал яасан юм бэ? Жамуух зан ааш тогтворгүй болохоор тэр хан Тоорилтой үргэлж эзтэй сайн байх ч юм билүү, үгүй ч юм билүү! Эв түнжин хагарсан цагт нь ганцхан далайлтаар түүнийг устгаж болно. Тэр, өвөл дайрахдаа Тэмүүжингээ л авна гэснээс биш өөр илүү дутуу юм шаардаагүй. Эд хөрөнгө, элдэв юманд шунасан бол бид хариу өсөө авах ёстой. Тэгээд Тэмүүжингээ ч авч чадаагүй юм чинь. Ийм болохоор хэсэг хүлээзнэвэл яана? гэсэн тээнэгэлзэн түдгэлзсэн зүйл ярьцгаалаа. Энэ бүх яриа Дарьдай отчигиний хэлсэн шийдвэр тодорхой бус үгнээс л болчихлоо гэж Таргадай-Хирилдэг уурсан бодно.
Гэнэтхэн Таргадай-Хирилдэгийн толгойд нэг их чухал бодол орж ирэв бололтой зовхи нь унжсан онигор нүд нь очтон, царай нь өнгө ороод явчихав. Тэр уртаар амьсгал татан өөхөлсөн цээж нь түхэлзэнэ. Дарьдай отчигин л хамгаас түрүүн Таргадай-Хирилдэгийн царайд ямар нэгэн шинэ бодол илрэн ирэхийг ажиглав. Адал ханы хүүгийн толгойд ямар бодол орж ирсэн юм бол? Тэр бодлоо цээжиндээ байлгаж чадахгүй ил гаргаад нүүрээрээ хэлээд байх юм даа гэж Дарьдай отчигин бодно. Таргадай-Хирилдэг их гэрийн баруун тал буюу эрэгтэйчүүдийн талын дунд хэрд суугаа Сач бэх дээр харцаа тогтоон байхад нь түүнийг бас л хамгаас урьдан ажигласан Дарьдай отчигин, юу бодсоныг нь дорхноо тааварлаад, үнэгэн жийтагар нүдээрээ үл мэдэг инээмсэглэн байх нь хажуугаас харахад сонин ажээ.
- Хамгийн их хэлмэгдсэн Сач бэх юу гэж бодож байна даа? хэмээн Таргадай-Хирилдэг асуухдаа хамаг юмаа алдаж хэлмэгдсэн гэж хэлээгүй нь тодорхой. Тэгэхээр хүрээнийхэн нь эр хүйстэй бүгд нь тэр аяараа ямар ч арчаагүй цөм хүлэгдэн хоцорсон тэр гутамшигтай явдлыг нь дайруулан хэллээ гэж тэнд байгаа хэн хүнгүй ойлгохоор боллоо.
- Хабуул ханы удмынхан бид Жамуухаас өс авах, түүнийг үр үндэсгүй болгоход бэлэн байна. Түүний хүрээг үнс чандруу болгож байж л бидний санаа амарна гэж Таргадай-Хирилдэгийн дайруулж хэлсэн үгэнд шар нь хөдөлсөн Сач бэх хэллээ. Тэрээр Харуул ханы нэрийг дурдахдаа Дарьдай отчигин, Хучар, Бүрбөх зэрэг хамаатан саднаасаа тусламж эрэн, тэдэнтэйгээ санал нэгтэй байдал үзүүлэхийг оролдсон нь болой. Тоорил хан гэж Жамуухын ард байгаа гэсэн бодол түүнд аягүй байснаас ийнхүү бусдаас хүчин туслалцаа эрэхэд хүргэжээ.
Адал хааны хүү Таргадай-Хирилдэг ч гэсэн Сач бэхэд хандахдаа дайруулсан үгийг зүгээр л нэг хорон үг болгоод хэлчихээгүй. Ах дүү хоёрыг Жамуухаар далимдуулан Тоорил ханы гараар устгуулах гэсэн санаатай байснаас л зориудаар өдөж тухирсан хэрэг билээ. Сач бэхийн ах дүү нар нь түүнийг дагаад хөдлөхгүй гэдгийг Таргадай лавтай сайн мэдэж байсан боловч, эднийг цөмийг нь алдчихвал миний ч гар хоосорно гэж болгоомжлох үүднээс тэр их л найрсаг байдлаар:
- Эвэр нь ургаж гүйцээгүй ишгийг мөргөхөд ийм их цэргийн хэрэг юу байх вэ. Сач бэх, дүү Тайчуугийн хамт хөдлөхөд л элбэгдэнэ. Тайчууд бидний олон аймгийн хүчийг мэдэх Тоорил хан өнчин хүүхдийг өмгөөлөн бидэнтэй мөргөлдөхийг бараг бодохгүй. Та нар бүх цэргээ аваад явах хэрэгтэй. Та хоёрын хүрээг хамгаалах цэргийг Аучу баатар гаргана гэж Таргадай-Хирилдэг хэлсэн нь та хоёр тэнд хиар цохиулахад чинь бид хүрээний чинь бүх зүйлийг хураан авахад бэлэн байна гэсэн үгийг шулуухан тулган хэлснээс нэг их ялгаа байсангүй.
- Жүрхэн аймгийнхан ганц муу Жамуух байтугай, Тоорилтойгоо нийлээд ирсэн ч эцсийнхээ хүнийг хүртэл тулалдаад дийлэх дийлэгдэхээ үзнэ. Зарим нэгэн аймаг, түүний ноёд шиг аймхай хулчгар зан жүрхэнийхэнд байхгүй. Тиймээс ч бид жүрхэн нэрийг хүлээж яваа юм чинь. Алив Тайчуу явъя. Манай жүрхэн аймгийнханд энд хийх юм алга хэмээн хор шар нь хөдөлж уурласан Сач бэх дүүдээ хилэгнэн хэллээ.
Сач бэхийн амнаас ийм үг гарна гэж даанч хүлээгээгүй байсан нь Таргадай-Хирилдэгийн царайнаа тов тодорхой харагдана.
Жамуух Тоорил хоёртой тулалдахаасаа илүүгээр хүрээгээрээ нүүгээд тэдэнтэй очоод нэгдчих вий! гэсэн бодол Таргадай-Хирилдэгт хамгийн түрүүн төржээ. Энэ нь ч тийм ор үндэсгүй зүйл биш. Нэг юмуу, нэг хэсэг хүрээнийхэн нэг ноёноосоо урван, өчигдөрхөн заналт дайсан нь байсан аймгийн эзэнд дагаар орон, гайхаж сонирхоод байх юу ч болоогүй юм шигээр байж байх нь энэ нутагт аль олонтаа гардаг билээ.
- Сач бэх жүрхэнүүдээ аваад Жамуухтай тулалдах боллоо. Аучу баатар тэднийхний хүрээг цэргээрээ хамгаална шүү! Бид зуны сар гаргаад гурван мэргид юмуу, өст татааруудын аль нэгэн хүрээ рүү дайрч олз омог, эмс шивэгчин, боол олж ирнэ. Одоохондоо агт морьд хүчээ авч бүрэн гүйцээгүй байна. Жамуух руу довтлоход газар холгүй учраас морины чадал хүрнэ гэж Таргадй-Хирилдэг хэлэхэд хэн нэгэн хүн түүнийг дайрахаас хамгаалсан юм шиг Улдай хүү тэргүүтэй үр хүүхэд, дүү нар нь Таргадай-Хирилдэгийн хуяг дуулга мэт түүнийг хүрээлэн байна.
Цугларагсад өвөр зуураа ямар нэгийг нам гүмээр хүүрнэлдсээр гэрээс гарч явцгаалаа. Заримынх нь сэтгэл хангалуун, заримынх нь дундуур байгаа нь тодорхой хэрэг. Өвлийн хэдэн сард ичээнд орсон юм шиг нам тайван байсан нэг хэсэг нь даруйхан зэвсгээ агсан тулаан дайраанд орох хүсэлдээ хөтлөгдөвч юм бүхэн өөрсдийн нь мэдэлд байдаггүй болохоор эрхтэн дархтан, хүчтэний хүсэлд захирагдан түүнийг дагахаас өөр аргагүй болно.
Тийнхүү уулгалан дайрахыг хүсэгдсэдийн нэг нь Аучу баатар байлаа. Тэр Таргадай-Хирилдэгийн гол цэргийг захиран, хамгийн итгэлтэй баруун гар нь болон явна. Уулгалах дайраан л түүний ид хав билээ. Гэтэл энэ удаа Сач бэхийнхний аурагийг хамгаалан үлдэх болсондоо дотор нь бухимдана. Хамаг асуудлыг Таргадай-Хирилдэг биш Аучу баатар л шийдээд байгаа юм шиг харагддаг, үнэхээр ч нэлээд юман дээр тийм боловч гол гол зүйл дээр эцсийн үг хэлэхээ Таргадай-Хирилдэг юун эс андах вэ. Өнөөдрийн энэ хэрэг ч гэсэн ийм гол зүйлийн нэг гэж тэр үзэж байлаа.
Дарьдай отчигин, Алтан, Хучар, Бүрбөх нарын хэн нь ч Сач бэх ах дүү хоёрыг дэмжин хамт дайлаар хөдөлнө гэх юмуу, Таргадай-Хирилдэгийн хэлснээр хүрээндээ суун хүлээхийн алиныг дагахаа тодорхой хэлсэнгүй. Сач бэхийн шар хөдлөн та нар надтай хамт хөдлөх үү гэж ч асуусангүй. Цөм л амаа үдүүлчихсэн юм шиг дув дуугүй өөрсдийн хүрээ аурагийг зорин шадар нөхдөөр хүрээлүүлэн давхицгаалаа. Төдөлгүй Таргадай-Хирилдэгийн гол хүрээний бужигнаан, хөл үймээн арай багасав. Таргадай-Хирилдэг гэдэс хонхолзсоноо гэнэт мэдэн дүрсхийж,
- Буурчи гэж хяхатнан хашхирахад түүний өмнө тавагтай мах даруйхнаа ирлээ. Тэр, өөхтэй том мах авч онгон сүлднийхээ аманд тосдон хүргээд, шөлнөөс халбагадан авч босго давуулан газарт өргөөд шуналтайгаар идэж эхлэв. Тэр ийнхүү шунан идэж байхдаа ч гэсэн Тоорилтой одоохондоо муудалцаж болохгүй. Тэр чинь үгүйрч ядуурах, өндийж босохын аль алиныг үзсэн яггүй хүн. Жамуухыг хамгаалалдаа авсан нь зүгээр нэг сайн сэтгэлийнх биш, цаана нь ямар нэгэн юм заавал нуугдаж байгаа. Үгүй ер ингэхэд Сач бэхийн хүрээ рүү Жамуух довтлохдоо Тоорил ханаар толгой дохиулсан юм биш биз? Хөгшин Тоорил өө сэв эрж бидэн рүү довтлохоор Жамуухыг тухиран явуулсан байж ч болно. Урьд нь яагаад ийм бодол миний толгойд орж ирдэггүй билээ? гэж харамсан бодохдоо амандаа орсон том хэрчим махыг ч зажлахаа мартаад бүхлээр нь гулгуулж золтой л хоолойгоо хага татчихсангүй. Нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсан байж арайхийн залгив. Тэгтэл цээжин дээр нь хатуулдан голыг нь зурсаар уруудаж мэдэгдэхгүй болоход сая уртаар амьсгал авч гарынхаа араар нулимсаа арчлаа.
Сач бэх, дүү Тайчуугийн хамт шадар нөхдөөрөө хүрээлүүлэн замдаа олон ч юм ярилгүй явсаар аурагтаа ирэв. Хавар болж хөл хөдөлгөөн ихэссэнээс ах дүү хоёр нэг хүрээ болон буусан билээ. Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэсэн өвгөд дээдсийн үг байдаг. Өвөл чи бид хоёр нэг дор байсан бол Жамуух мэтийн зулбасагууд зориглон ирж дайрах ч байсан уу, үгүй ч байсан уу? гэж дүүдээ хатуу үг хэлж байж нэг хүрээ болон буусан билээ.
Ах дүү хоёрыг хүрээнд ирээд төдий л удаагүй байтал гадаа хөл хөдөлгөөн ихсэн чимээ шуугиан гарч эхлэв. Хишигтэн нар юу болж байгааг даруйхан орж ирэн мэдэгдэх ёстой гэдгийг Сач бэх хэдийгээр мэдэж байсан ч гэлээ юу болсон юм бол? Дахиад гэнэдүүлэн дайрах гэсэн дайсан ирж байна уу? гэсэн болгоомжлон түгших бодол Сач бэхийн толгойд харван орж ирлээ. Гэтэл Аучу баатар цэрэгтэйгээ давхин ирсэн нь тэр ажээ.
- Аучу баатар ирлээ гэж хишигтний нэг нь орж ирэн зүүн өвдгийг нугалан сөхөрч өчихөд Сач бэхийн уур оволзон асч гэртээ орж ирж амжаагүй шахам байтал Таргадай-Хирилдэг уяаны нохойгоо халуун мөрөөр мөшгүүлэн явуулсан байна гэдэг чинь яасан сэжигтэй хэрэг вэ? гэж бодлоо.
- Таргадай-Хирилдэг түүний араас яарч шамдуулан байж баруун гараа явуулсан нь Сач бэх ах дүү хоёр Тоорил ханы нөмөрт ороод хоргодчихож магадгүй гэж болгоомжлохын үүднээс үйлдсэн хэрэг байлаа. Ийнхүү очихлоор ах дүү хоёр цэргээ аван Жамуух руу даруйхан хөдлөх хэрэгтэй болно. Тэгэхлээр тэр хоёрын хүрээ миний мэдэлд үлдэх учир тэд яагаад ч Жамуух Тоориол хоёрт наалдан орж чадахгүй гэж үзсэн ажээ. Аучу баатар Жамуухтай сэлэм зөрүүлэн нум харван тулалдах хүсэл нь оргилон байсан боловч Таргадай-Хирилдэгийн үгийг дагахаас өөр аргагүй болжээ. Намайг Жамуухын талд орчихно гээд хүрээг минь барьцаанд авч байна гэж Сач бэх бодон гайхаш нь тасарна. Тэр үнэхээр Таргадай-Хирилдэгээс салан Тоорилд нэгдэе гэж бодож байсан билээ. Гэтэл энэ нь одоо бүтэхгүй болов. Саалинд орсон зээр шиг л санагдана. Аучу баатрыг орж ирэхэд тэр,
- Би гурав дөрөв хоногоос л хөдлөх санаатай байна. Та нар гурав хоногийн дараа ирвэл яасан юм бэ? гээд шалтагцлаа. Аучу сахлаа имрэн уруулдаа инээж,
-Жамуухын толгойг аваад иртэл чинь энд хүлээж бай гэсэн болохоор бид буцахгүй.
- Удаахан л хүлээх болж дээ Сач бэх биеэ барьж чадалгүй хэлчихээд харамсав. Урт хормой хөл орооно, урт хошуу хүзүү орооно гэгч болчхов гэж бодно.
- Жамуухын толгой олохгүй бол чинийх олдох байлгүй гээд Аучу баатар их л цэцэн үг хэллээ гэсэн аястай байдгаараа инээнэ. Энэ инээд өөрийн хүч чадалдаа итгэсэн, хэнээс ч айж хулчийгаагүй хүчтэй хүний биеэ тоосон инээд байлаа.
- Хамаг Монголын хан Хабуулын удмынхны толгойг хаанаас ч ирсэн нь мэдэгдэхгүй хэн дуртай хүн таслаад байдаггүй байх шүү!
- Удам сударгүй хүн миний толгой дээр сууж байна. Тэгэхлээр бид түүнд захирагдахгүй гэж хэлж байгаа үг үү? хэмээн Аучу баатар нухацтай асуухад Сач бэх айн хулчийж, би хэлэхгүй л юм хэлчихээд байна даа гэж дотроо бодон,
- Хэн ч тэгж хэлээгүй байна. Хэлээгүй юмыг хэлсэн болгож ойлгоод байгаа тань харин надад хачирхалтай санагдаж байна гэж Аучугийн өөдөөс дайрлаа.
- Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэгчээр амнаасаа үгээ алдаж гаргачихаад одоо эргэж шарваад байхын шаардлагагүй биз хэмээн амыг нь таглаж орхилоо. Үнэхээр л ийм юм болсон болохоор яах билээ!
Маргааш өдөр нь Сач бэх дайлаар мордох бэлтгэлээ хийн байж байтал тэдний хүрээнд Тэв тэнгэр гэгдэх Хөхчүү зайран зам хазайн ирэв. Очихгүй газаргүй очиж уулзахгүй хүнгүй уулзаж, сонсохгүй мэдээгүй сонсож явдаг заарингаас ихэс дээдэс, харц доодос цөм ялгалгүй зарим нь илээр, зарим нь далдуур айн сүрдэнэ. Хөхчүү бөө богинохон зуур алдаршин түгж, нэр цууд гарсан билээ. Үүний нууц юунд байгааг хэн ч үл мэднэ. Монголын олон аймгийнхан дотор түүн шиг нэртэй зартай зайран одоо үгүй болжээ. Тэр, зээрийн арьсаар хийсэн бөгөөд ар талдаа баруун тавин тав, зүүн дөчин дөрвөн тэнгэрийг төлөөлсөн төчнөөн манджиг бүхий баруун зүүн мөргөл өөрийн онгон эзний тахилга болсон сүүл мөргөлтэй, урьд талдаа бас хоёр манджиг бүхий урт дээл өмсөж, арван хоёр жил бүхий тольтой бүс бүсэлжээ. Гурван мөргөлийнхөө дээр бүргэдийн өд баглаж сарвайлган хадсан байв. Дээлийнхээ ар талд зургаан зэв харвал, гурван холбого бүхий хэцтэй ажээ. Цээжний өвөр талынхаа хөх махны тушаа гурав гурван ширхэг хоёр хэсэг манджиг унжуулжээ. Дээлийнхээ баруун ханцуйд зүүн нэг зөв эрчлээтэй, хоёр буруу эрчлээтэй холбогийг тус бүр гурван манджигтай хаджээ. Гурын арьсаар хийсэн гутлынхаа хошуунд гурван манджиг унжуулж, гадна талын түрүүдээ хоёр хонгинуур, нэг зэв, үзүүртэй харвал хаджээ. Хэнгэрэг буюу хэцнийхээ нүүрэн дээр дүүлэн нисч яваа цагаан морины дүрс зуржээ. Цохиур буюу сорви мод нь тагнай хээтэй байв.
Тэв тэнгэрийг Сач бэхийн гэрт орж ирэхэд бүгд түүнийг хүндлэн гэрийн эзний баруун гар талд зэрэгцүүлэн суулгав. Сач бэх ч, Аучу баатар ч хоорондоо үг хаялцан барилцаж авах нь холгүй байснаа орхиод бөөгийн амыг харна.
- Сач бэх баатар хаашаа дайлаар мордох нь вэ? гэж Хөхчүү зайран илт дооглосон тохуурхсан өнгөөр асуув. Чингэхдээ миний энэ аашийг хэн эсэргүүцэн надад цээрлэл үзүүлэх билээ гэсэн тоомжиргүй байдал илэрнэ. Сач бэхийг баатар гэж ёжлон хэлсэн нь ч гэрт байгсдын сонорын хажуугаар хэрхэн өнгөрөх вэ? Сач бэх ихэд эмзэглэн байвч шүдээ зууж хэлээ хазахаас өөр хүчгүй аж.
- Таргадай-Хирилдэг хан намайг жадрангийн Жамуух руу дайлаар морд! гэж тушаасан. Маргааш цэргээ аван хөдлөхөөр зэхэж байна даа.
- Жамуух чамд ямар өс өвөрлөсөн юм бэ? гэж Хөхчүү цаад нарийн учрыг нь даанч сайн мэдэж байсан ч гэлээ гэм зэмгүй царайлан асуулаа.
-Өвөл манай хүрээ рүү довтолж бэлтрэг Тэмүүжинг суллаж авах гээд чадаагүй юм гэж Сач бэх эрийн сайндаа Тэмүүжинг алдаагүй юм шигээр өчив.
- Тэмүүжинг алдсан бол ч Таргадай-Хирилдэг хан ч чиний толгойг илэхгүй байсан байх шүү! гэж Хөхчүү инээмсрэв. Түрүүхэн тэнэг Аучу миний муу толгойтой оролдоод байсан, одоо Тэв тэнгэр ч толгойг минь тасдах тухай яриад байдаг чинь юу вэ? Яасан муу ёртой юм бэ! гэж Сач бэх сэжиглэн бодож, - Миний толгой Тэмүүжинтэй тэнцэнэ гэдэг чинь их үнэ хүрч байгаа хэрэг шүү! гэж өөрийгөө Тэмүүжинээс илүү хүндтэй хүн гэдгээ харуулах санаатай хэллээ.
Хөхчүү бөө гэв гэнэтхэн Аучу баатрыг харсан байдал үзүүлэн дуу алдаж, - Их дайчин Аучу баатар та Сач бэх баатар Тайчуу хоёрын хүрээг сахин хамгаалж үлдэх нь үү? Энэ ч уг нь баатар эрийн хийдэг ч ажил биш дээ. Сэлмээ хуйнаас нь сугалан эргэлдүүлж дайсны толгойг тасар цавчин унагаж явах нь л эрхэм баатрын сүлдийг сэргээнэ биз дээ? гэж асуулаа.
- Яг тийм шүү хэмээн Тэв тэнгэрийн хэлсэн үг санаанд нь тунчиг нийцсэн Аучу баатар хэлэхдээ мойногдуу бүдүүн хуруугаараа сахлаа имэрнэ.
Яг тийм шүү! гэсэн энэ үг нь Сач бэхийн хүрээ сахихаар ирснээ хэлж буй юм уу, эсвэл тулаанд орон дайсны толгойг цавчин унагаж явахыгаа хэлж буй юм уу, аль нь ч ялгагдсангүй. Аучу өөрийн хариулт тодорхойгүй болсноо ч ухаарах тийм сөхөө, гүйх ухаан түүнд үнэндээ байсангүй. Хөхчүү зайран уруулдаа инээмсрэн, - Сач бэх баатар Жамуухтай тэмцэлдвэл их хөнөөлд орж нэрвэгдэнэ гэж онгон сүлд минь надад урьд шөнө хэлсэн болохоор би зориуд зам хазайн ирж чамд үүнийг хэлж байна. Тэгээд хэрхэхээ өөрөө мэд дээ. Их дайчин Аучу баатар ч гэсэн Таргадай-Хирилдэг ханд очоод болсон явдлыг ярина биз. Тэр чинь сэргэлэн ухаантай хан болохоороо бүхнийг ойлгоно байх.
Сач бэх эзэн тэнгэртээ талархан Хөхчүү бөөг бишрэн ширтэнэ. Жамуухаар дамжин хан Тоорилтой эвдрэх дур хүсэл огтхон ч үгүй байсан болохоор Тэв тэнгэрийн хэлсэн үг араанд уусах айраг шиг амттай байлгүй яах вэ! Их зайран Жамуухтай дайтаж болохгүй гэж хэлсэн байхад Таргадай-Хирилдэг яаж ч чадахгүй гэдгийг Сач бэх сайн мэдэж байлаа. Ийнхүү сэтгэл нь тайвшран гүнзгий амьсгаа авлаа. Эзэн тэнгэрийн ивээд доор байна гэдэг ийм юм. Тэнэг Аучу руу тэрслэн дайрахад яадаг юм гэсэн бодол төрж, - Их Аучу баатар миний толгойг авч явах уу, Жамуухын толгойг авч явах уу? Аль дуртайгаа сонгож авна уу? гэж өдөн хэллээ.
- Энэ удаа биш гэхэд дараачийн удаа чиний толгойг ганзагалаад буцах байлгүй. Таргадай-Хирилдэг ханд бүхнийг айлтгана. Тэв тэнгэр зайраны хэлснээр хан ухаантай сэргэлэн болохоор ядаж түдэх юмгүй бүхнийг ойлгох байлгүй! гэж хэлээд гэрээс гарч цэргүүдийнхээ манлайд давхин одлоо.
Хөхчүү бөө Тэмүүжинг тайчуудын гараас суллах гэсэн Жамуухын оролдлогыг анх сонсоод багагүй гайхсан. Ийнхүү гайхахын учир гэвэл Хөхчүү, Жамуух, Тэмүүжин гурав хэдэн жилийн өмнө хамт тоглож явсан анд нар билээ. Тэмүүжин Жамуух хоёр анд бололцон байхыг нь ч Хөхчүү мэднэ. Жамуух Тэмүүжин хоёр нэг хөнжилд орон унтдаг салшгүй анд нөхөд байлаа. Хөхчүүд тэр үеийн Жамуухаас үлдсэн бодол гэвэл хэтэрхий тогтворгүй, хийсгэлүүн зантай юм уу даа гэдэг нь билээ. Тийм зантай хүн Тэмүүжинг суллах гэснийг сонсоод гайхсан хэрэг. Гэвч энэ гайхал нь удаан үргэлжилсэнгүй. Андгай тангарагтаа үнэнчийн учир ийнхүү оролджээ хэмээн бодов.
Жамуух хөл дээрээ баттай зогсож чадаагүй байгаа атлаа ийнхүү зориглосон нь Хөхчүүд их сонин байлаа. Тоорил хан цаанаас нь түлхэв үү гэдгийг тэр танадаад тийм түлхээс гээд байх онц юм байгаагүйг ядаж цөхөөд байх юмгүй мэдэв. Бас тэр ийнхүү дайрахдаа зөвхөн л Тэмүүжинг суллаж гэж шаардан, хэдийгээр Сач бэхийн хүрээг дуг нойрон дунд нь барьж авсан ч гэлээ өөр юунд ч гар хүрээгүй, харин өөрсдийгөө татаарынхан болгох гэж оролдсон зэргийг мэдээд сэтгэл их ханамжтай үлджээ. Иймэрхүү сийрэг ухаантай хүн л Тэмүүжин бид хоёрт хань болж, зорьсондоо хүрэхэд маань тус болно. Иймээс түүнийг энэ олон хүчтэнгүүдэд тасчуулалгүй авч үлдэх хэрэгтэй юм гэдгийг ойлгоход нь нэг их гүйдэг ухаан шаардагдаад байсангүй. Тэр одоо хэнтэй хэрхэн харилцахаа тодорхой мэдэж байлаа.
Тийн Таргадай-Хирилдэг өөрийн ноёд шадар нөхдөө цуглуулан хий сүр үзүүлж сүржигнэсэн хийгээд Сач бэх Тайчуу хоёрыг Жамуух руу явуулж хүрээг нь барьцаанд авч үлдэх гэсэн цаад санааг нь дорхноо гадарлаад өнөөдөр Сач бэхийн хүрээнд зориуд ирсэн нь энэ билээ. Таргадай-Хирилдэг хэрвээ Аучу баатрыг энд ирүүлээгүй бол Сач бэх ах дүү хоёр Жамуух юм уу Тоорил хантай нийлбэл нийлэг гэж бодсон авч өөрийн биеэр ирж Сач бэхийн дайлаар дуртай дургүй явах болсныг тасалдуулан зогсоохоос өөр аргагүй болжээ.
Аучу баатрыг цэргээ аван явсны дараагаар Хөхчүү бөө Сач бэхэд хандан, - За ингээд цаашдаа хэрхэхээ өөрөө мэднэ биз дээ! гээд явжээ. Тэр хаашаа, ямар бодлого, зорилго өвөрлөн явсныг нь хэн мэдэх билээ.
Энэ үед хүзүүндээ модон дөнгө зүүн хэдэн сарын нүүр үзэж, зовж зүдэхийн амтыг ханатал амсаж яваа Тэмүүжин хөвгүүн өөрийн авга ах Дарьдай отчигоны хүрээнд хоног хороож явлаа. Тэр бие, махбодны шаналал зовлонг хэдийчинээ их амсах тутмаа сэтгэлийн тэнхээгээ төдий чиний чангалах ёстой юм байна гэдгийг сүүлийн үеэс яагаад ч юм бэ тун сайн мэдрэх болжээ. Өөрөө эхлээд энэ бодолдоо гайхдаг байв. Би юундаа найдаж, хэний ивээлд орно гэж сэтгэлээ хуурч тэмцэх билээ хэмээн бодовч, ургаж төлжиж байгаа залуу халуун настайгаасаа дөнгөж золгож байхдаа адгийн муу үхлээр хатаж үхэж болно гэж үү? Өндөр дээд төрлийн эцгийн улсыг газрын нэг тарааж хаячихаад, ээж дүү нараа бусдын хоол болгон орхиод өөрөө үхэж, хортон дайсны бахын хангаж болно гэж үү? Хүнд дордох нэг өдөр байхад сэхэн өндийх бас нэгэн өдөр заавал байх ёстой. Би тийм өдөртэйгөө учрахаа л учирна. Одоогийн амсаж буй бүхордох нэг өдөр байхад сэхэн өндийх бас нэгэн өдөр заавал байх ёстой. Би тийм өдөртэйгөө учрахаа л учирна. Одоогийн амсаж буй бүхийг заавал тэсч гарах учиртай. Эндээс би мултран гарлаа гэхэд анд бололцсон Жамуух байна. Хэн хэнийгээ дэмжин үнэнч явъя гэж тохиролцсон Хөхчүү бий. Тэр одоо яггүй нэр төр олж байгаа бололтой. Тал нутгийн нүүдэлчдийн дунд бөө зайран гэдэг чинь том хүчтэн. Юмыг бас яаж мэдэх вэ, баатар эцэг минь нэгэн цагт тус болж байсан Хэрэйдийн хан Тоорил эцгийн минь тусын хариуг надад барьж ч магадгүй. Тоорил хан хүчтэй, нэртэй явна. Тэр Жамуух андыг ивээлдээ авсан юм, намайг очоод гуйвал арай ч түлхээд явуулчихгүй болов уу! Энэ бүхнийг цаг дээрээ ямар байхыг нь мэдэхийн тулд Таргадай-Хирилдэгийн гараас эсэн мэнд мултран гарах ёстой. Одоо үүнийг л хамгийн гол зүйл болгох зорилт байна гэж бодон оргож босох, эрх чөлөөтэй болох өчүүхэн ч гэсэн боломж бүрийг отон байдаг боллоо.
Хаврын адаг сар гарлаа. Тэр жил хавар эрт болж цаг яагаа ч үгүй байхад ногоо цагаа гаран, мал сүрэг дорхноо таргалж тэвээрэн их сайхан зун болох янзтай байв. Газрын гарц сайн, мал сүрэг өнгөтэй байхад мал дагаж, түүний хишгийг хүртэн амьдардаг малчин хүний сэтгэл ч тэнэгэр байдаг. Дарьдай отчигиний хүрээнийхэн ч мөн л нийтийн адилаар амгалан төвшин байлаа. Цаг улирал тавиран ийнхүү сайхан байхад тэр жилийн хавар овог аймгууд хоорондоо хатгалцан тулалдах, бие биесийн хүрээг түйвээн дээрэмдэх явдал бараг гарахгүй шахам байгаа нь хэн хүний гайхал төрүүлнэ. Өмнө зүгээр татаарууд хоёр удаа халдан ирсэн боловч төдий л сүйтгэл учруулж чадалгүй буцав. Удуйд мэргэдийнхэн Таргадай-Хиридэгийн гол хүрээнд нэгэнтээ ойртон ирсэн боловч замдаа илрэн зэвсэг зөрүүлж тулалдалгүй зугтаав. Наймаан, Хэрэйд аймгууд нам гүм байлаа.
Дарьдай отгочигин нэгэн өдөр гэртээ сууж байгаад ийнхүү бодов. Таргадай-Хирилдэг Тэмүүжин хөвгүүнийг манай хүрээнд байлгаад байгаа нь зүгээр нэг санамсаргүй хэрэг биш байх ёстой. Тэр ямар нэгэн муу санаа өвөрлөн түүнийг зориуд миний хажууд байлгаад байна. Тэмүүжинээс даруйхан салах хэрэгтэй юм. Түүнийг ерөөсөө л өөрийн нь хүрээнд хүргэж өгъе. Түүнийг авч очоод Таргадай-Хирилдэгт юу гэж хэлэхээ би мэдэхгүй бол өөр хэн мэдэх билээ. Маргааш л түүнийг явуулъя гэж шийдлээ. Өөрийн эцэг Бартан баатрын дөрвөн хөвгүүд дотроос ухаан суу, заль мэхний хүчээр л өдий хүртэл хүний дор оролгүй явж байгаа, би энэ удаа ч элдэв бүтэлгүй явдал болоогүй байгаа дээрээ Тэмүүжинг хүргэж өгөх нь зөв гэж өөрөө ч мэдэлгүй биеэ хөөргөн бодож суулаа. Ийнхүү шийдсэндээ урамшин жийтгар нүд нь улам жийхайн гялалзана. Тэр онгон сүлдэндээ мөргөөд гадагш гарав.
Хаврын адаг сарын дулаан наранд биеэ нозооруулан ээнэ. Алсад усан зэрэглээ мяралзан наадна. Зөөлөн салхин үл мэдэг хөдлөхөд аргалын утааны гашуувтар үнэр хамрыг нь цохив. Тэр гадаа зогсон биеийн чилээгээ гарган суниав. Дал мөрөнд нь хурсан шар ус шаг нугхийн дуугарлаа. Шар усандаа баригдаж, бие хөшөөд юу болж байна даа, амьдрал минь ингээд тонгойж эхлэв гэж үү? хэмээсэн бодол төрж, тэр бодолдоо дургүй нь хүрэв. Тэр хөмсгөө зангидан, - Тэмүүжинг аваад ир! гэж зандран хэллээ. Түүний харц ширүүнээр гялалзана. Тэмүүжинг хүрээд ирвэл тэр дор нь барьж аваад л нударгалан зодоход бэлэн юм шиг харагдана. Чухам яагаад ийм ширүүн дүртэй байгааг нь тааварлахуйяа бэрхтэй.
Хонины хорооноос нойтон бууц зөөн овоолж байсан Тэмүүжинг удаж төдсөн ч үгүй авч ирлээ. Дарьдай отчигин ахынхаа ууган хүүг удаанаар ширтлээ. Нэг ч үг дуугарахгүй гөлрөн ширтэнэ. Хааяа шүлсээ залгихад нь төвөнх нь хөдөлнө. Тэмүүжин энд тэндээ цоо татагдсан сармай дээлийн оронцог эгэлдрэглэжээ. Үс нь түжийн унаж зарим газраа илэг болсон хуучин хурган малгай том толгой дээр нь шомбойно. Хөлдөө угласан гутал нь хэд хэдэн газраараа зад тавьснаас дээсний тасархайгаар ногтлон боожээ. Гар хуруу нь эвэршин малын бууц, баас болсон байна. Царай нь хүрлийж харлан шанаа хавьдаа хогжруутжээ.
Тэр хэдийгээр иймэрхүү байдалтай авга ахтайгаа уулзана хэмээн бодоогүй байсан боловч нэгэнт өмнө нь зогсож байгаа болохоор юу гэж хэлэхийг нь хүлээн өөдөөс нь ширтэнэ. Түүний нүдний гал цог л өөрчлөгдөөгүй хэвээрээ байлаа. Тэрхүү хонин нүд очтон гялалзана. Тэр нүдний харцнаа ухаарал, хилэгнэл аль алин нь хүнээс зээлдээд байхааргүй хангалттай харагдана. Тэр нь ч хэний ч нүднээ ил тусна. Хэн ч харсан хирдхийн цочмоор харц гялалзан байна.
Аавын минь төрсөн дүү, авга ах минь болох ёстой энэ хүн намайг өнөөдөр юу гэж дуудсан юм бол? Суллаж чөлөөлөөд явуулчих зориг, сэтгэл ч энэ хүнд байхгүй нь лавтай. Ядаж шөнө унтахад дөнгөнөөс минь салгаж байхгүй юм болов уу? гэж Тэмүүжин хурмын зуур бодсоноо энэ хүн хэзээ ч тийм нигүүсэл үзүүлэхгүй, харин шөнө гарт минь гав нэмж хийхгүй бол дээд нь. Барьж авах биегүй зэрэглээ шиг барин тавин байдаг зүүд шиг, бархирч чархран байдаг цуурай шиг ийм хоосон бодлоор сэтгэлээ хуураад яах билээ гэж дорхноо эргэн бодлоо.
- Хамгийн хаан болох Тэмүүжин баатраар юу байна даа? гэж авга ах нь асуун царайдаа дооглосон инээмсэглэл тодруулна. Тэр яагаад ч юм бэ гэнэтхэн уур хилэн нь буцалж, Тэмүүжинд биш аль хэдийн талийгаач болсон Есүгэйд хатуу ширүүн үг хэлмээр санагдан байлаа. Энэ нь далд нуугдан байсан атаархал уу? Түр зуурын бухимдал уу? Татааруудын гарт өөрөө гүйж очоод амь насаа бүрэлгэн үр хүүхэд ах дүү нараа Таргадай-Хирилдэгийн барьцаанд оруулан зовоож байгаад нь зэмлэснийх үү? Чухам алин болохыг хэн ч хэлэхийн аргагүй. Гэвч Есүгэй байхгүй болсон болохоор түүний хүүд л хамаг уур хилэнгээ гаргаж байгаа нь энэ болой. Хүчтэний хажууд хүчгүй нь буруутан гэдэг ийм буюу.
- Эзэн тэнгэр тэгж байгаа бол энэ өдөр биш гэхэд маргаашийн өдөр хамгийн хаан болох юм байлгүй. Би онгон сүлдэндээ, эцэг болсон мөнх хөх тэнгэртээ биширч явдаг шүү! гэж авга ахынхаа өмнө хулчийж яагаад ч болохгүй. Зориг шантарч, зүрх алдсан шинж үзүүлбэл толгойгоо ч алдаж болно гэж цэнэсэн Тэмүүжин өчлөө.
Тэмүүжиний амнаас ийм үг гарна хэмээн даанч зүүдлээгүй явсан Дарьдай отчигин өөрөө ч мэдэлгүй бүр байдгаараа балмагдан сандарчихлаа. Тэр хоёрын эзэлж буй байр суудал солигдоод Тэмүүжин, Дарьдай отчигинийг өмнөө сөгдүүлэн байгаа юм шиг болчхов. Тэр байдгаараа нэрэлхэн хичээж арайхийн сэтгэлээ тогтоон барив.
Түүний өмнө ноорхой хувцастай, хүрлэгэр царайтай, эгээ л үнсэнд хаягдсан шалз шиг болсон Тэмүүжин аргагүй л өөрийн биеэрээ зогсож байлаа. Нүдээ арчаад харсан ч дүрээрээ л байв. Гэвч хэлж буй үгийг нь сонсооч. Олон сар дөнгөнд хатаж шаналсан хүний амнаас гарах үг гэж үү? Таргадай-Хирилдэг үүнийг барьж авч дөнгөлсөн нь үнэхээр оножээ. Би түүнийг холын хараагүй тэнэг толгой гэж боддог минь буруу байх нь. Тэр надаас холыг харж байна. Ийм ярдаг бэлтрэгийг дөнгөнд оруулсан нь ганц онож. Хэрвээ ингэж дөнгөлөөгүй бол өдийд бидний толгойг цустчихсан байж мэдэх л юм байна гэж бодсон чинь ар зоо нь хүйт оргин, хүйтэн хөлс нь чийхрах шиг боллоо.
Тэр дахиад Тэмүүжинтэй элдвийг ярилцан маргаж тэмцэлдэх буюу аашилж загнан догшрох тэнхэлгүй болсоноо ойлгов. Биеийн чадал тэнхээнээс давсан их ажил хийчихсэн юм шиг байв. Жийхагар нүдэнд нь байнгын байдаг зальжин инээмсэглэл нь ч ор сураггүй алга болсноос тэрхүү нүдний харцны гал цог нь унтарч өнгөгүй болжээ. Харин Тэмүүжиний харц түрүүчийн адилаар гялалзан оч бутарч, хэний ч өөдөөс дальдрахгүй ширтэнэ.
Тэр Дарьдай отчигинийг хараад шалдаа бууж доройтсоныг нь мэдрэн, ийм зориггүй амьтан яаж миний баатар аавын дүү болж төрсөн юм бол доо? Нэг эцгийн хүүхдүүд ийм л өөр өөр байдаг юм байх даа. Одоо Таргадай-Хирилдэгийн хотны нохой болохоос ч өөр яах билээ гэж бодож, өөдөөс нь ширтэн байхдаа түрүүн өөрийг нь аваад ирэхэд толгойноос нь хөл хүртэл ажиглан тун чиг дооглонгуй маасайн суусныг нь яахин мартах билээ. Ганцхан үг хэлж хүчтэй хүндтэй гэгдэж байгаа энэ хүнийг сөхрүүлсэндээ Тэмүүжиний сэтгэл мэдээж тун хангалуун байлаа. Олон сар бусдын ааш авирын зугаа болж, бүхий л хорслыг сэтгэлдээ багтааж ядан явсан Тэмүүжин энэ өдөр огт санамсаргүй тэр их хорслынхоо өчүүхэн хэсгийг ч гэсэн гаргасандаа сэтгэл нь өегшжээ.
- Үүнийг аваад яв! эгээ л амьгүй юм шиг хүйтэн өнгөөр Дарьдай отчигиний хэлэхэд Тэмүүжин түүний зүг зэвүүцэл жигшил дүүрэн харцаар хараад үг дуугүй эргэлээ. Яльгүй бөхийсхийж дөнгөндөө төдий л үүртсэн янзгүй хол хол алхан явахад түүнийг харуулдагч залуу эр араас нь дагав.
Маргааш өглөө нь нар битүүгээр Дарьдай отчигиний хүрээнийхэн хэдийнэ босоцгоосон байлаа. Тэмүүжингийн манаачаас гадна хоёр хүнийг дагуулан Таргадай-Хирилдэгийн гол хүрээ рүү Тэмүүжинг хүргэж өгөхөөр явуулахаар болов. Урьд нь Тэмүүжинг нэг хүрээнээс нөгөө хүрээнд хүргэж өгөхөд Аучу баатар ирж хэдэн хүнээр дагуулж хашин авч явдаг байсан чинь энэ удаа Аучу баатрын хүмүүс байхгүй, авга ахын нь хүмүүс түүнийг авч явах болсонд Тэмүүжин гайхаж байв. Тийн бодсоны эцэст Дарьдай отчигин надаас л салах гэсэндээ намайг өөрийн дураар Таргадай-Хирилдэг рүү явуулж байгаа юм байна гэдгийг тааварлав.
Тэмүүжин аль ч хүрээнд хэнийд ч очсон хааяагүй л доромжлол дунд орон зовж шаналдаг байснаас Дарьдай отчигиний хүрээнд байна уу, өөр ямар нэгэн айлд очно уу огтоос ялгаагүй тул ийнхүү хүргэгдэн явж байгаадаа харамсаад байх ч юм байсангүй, баярлаад байх ч юм байсангүй.
Хүрээнээс гарч хээрийн уудамд ороход болжмор шувууд шулганан жиргэж наран жигнэн ээх нь биед таатай байв. Унаж яваа морь нь хөл хөнгөнтэй бололтой, сэвэлзтэл алхуулна. Нэг нь түүний цулбуурыг барьжээ. Жолоогоо Тэмүүжин өөрөө барьж явна. Үе үе аясын салхин нүүрийг илбэх нь таатай. Нум сум агсаж, сэлэм зүүн, бамбай барьсан харуулынхан холоос харахад сүртэй ч ойртоо бол тиймгүй. Хүн бүрий дор бүрнээ ямар нэгийг бодсон бололтой дуугүй явцгаана. Морьдоо ташуурдан тоос босгож давхилдсангүй, хөнгөн хөлт хүлэг морьдын хар алхаанд бүүвэйлэгдэнэ.
Эр хүний жаргал эзгүй хээр гэдэгсэн. Хээр гадаа гарсан хүмүүс байна боол болсон надтай биш юмаа гэхэд өвөр зуураа хэд гурван үг ярилцдаг байгаа даа гэж Тэмүүжин дагаж яваа улсаа гайхан харна. Нэг нь бүр толгойгоо ганзагалан үүрэглэсэн ажээ. Өөрийн нь үеийн насны хамгийн залуу нь л алсын барааг сонирхон ширтэж эмээлдээ ялимгүй хазгай суун явна.
Тэмүүжин энэ бүхнийг эргэцүүлэн хараад гартаа ганц сэлэмтэй ч болоосой, тэгвэр энэ гурван хоёрыг нь ийнхүү үүрэглэж байхад нь ганц ганц цавчиж унагачихаад үлдсэнтэй нь эр бяраа үзэхэд яагаад болдоггүй билээ гэж харамсан бодлоо. Дахиад надад ийм аятайхан боломж олдоно гэж үү? Аучу баатар цэргүүдтэйгээ явж байхад дөнгөтэй би тэдэнтэй тэмцэлдэнэ гэж бодохын ч хэрэг байхгүй. Огтоос бүтэшгүй байлаа. Энэ хоёр хөгшнөөс л салж чадвал миний насны энэ залуугийн учрыг олж болох байлгүй дээ даанч гэсэн бодол төрөн, энэ бүхэн нь одоохон хэрэгжин биелэх гэж буй юм шигээр бие нь хөөрөн хачин болно. Хавьд ингэж сэтгэл ихээр догдолж, эрх чөлөөтэй болон Таргадай-Хирилдэгийн гараас мултрах нь ийм бодитой ойрхон байгаагүй санагдав. Морио унаад явж буй Монгол хүн гэдэг чинь хаана ч газардах ёсгүй биз дээ. Өнөөдөр л би зугтахгүй бол хэн нэгний хүрээнд очихлоор урьд байдгаараа л бүх юм давтагдан яах ч аргагүй болдгоороо болно гэж бодлоо.
Тэмүүжин ийнхүү энэ өдөр зугтахаар хатуу шийдлээ. Одоогоор тэр яасхийж байгаад ямархуу аргаар зугтахаа мэдэхгүй байв. Ганц мэдэж буй юм нь гэвэл зугтах ийм боломж дахиад бараг л олдохгүй. Тиймээс энэ олдож байгаа ганц боломжийг л ашиглах хэрэгтэй гэдэг нь байв. Харгалзан явагсадаа дахиад л сэмхэн харвал хоёр нь түрүүчийнхээрээ үүрэглэн жолоогоо сул тавьжээ. Залуу хүү ямар нэгийг бодсон бололтой үл мэдэг мушилзан инээмсэглэж өмнөх газраа ширтэн явна. Түүний сэтгэл алсын алсад жигүүрлэн нисч яваа нь илт байлаа.
Залуу насанд эгээрэн мөрөөдөх, хүсэн хүлээх зүйл даанч бишгүй билээ. Тийм эрхэм хүсэл тэмүүлэл үгүй болбоос залуу нас юухан билээ... Тэдний хэн нь ч Тэмүүжиний сэтгэлд зугтан одохын их хүслэн оргилон буцалж байгааг эс гадарлана. Тэгэх тусмаа Тэмүүжин энэ бодлоо бие сэтгэлийнхээ хамгийн гүнд нуун, гадна нүүрэндээ ямар ч гярхай хүний хараанд өртөхөөргүй болгож, бусдынхаа адил нүдээ хагас анин толгойгоо урагш гудайлган мориныхоо гүйн хар алхаанд бүүвэйлэгдэн, орчлон ертөнцийн элдэв бүх явдлаас ангижран салж, одоогийнхоо хувь заяанд бүрнээ захирагдсан, түүнээс хаашаа ч зугтан гарах аргагүйг ойлгон ухаарсан хүний байдалтай харагдана.
Тэмүүжинг гаднаас нь харахад ийм байвч тэр эргэн тойрныхоо бүх юмыг сайтар ажиглан ямар нэгэн өчүүхэн боломж гарвал санасан бодсоноо гүйцэлдүүлэхэд бэлэн явлаа. Түүний хараа нь хурц, чих нь сонор, булчин нь зангирсан, сэтгэл эрчилсэн байлаа. Хэдийд ямар юм тохиолдох нь вэ? гэдгийг хүлээн онгон сүлд, мөнх хөх тэнгэртээ залбиран явлаа.
Хаврын наран тогтуунаар бүлээцүүлэн жигнэж, бие нозооруулан улам ч нойр хүргэнэ. Энэ нь түүнийг харгалзан яваа хэдэд л нөлөөгөө үзүүлэхээс биш, Тэмүүжинд огтоос хамаагүй юм шиг байлаа.

Top
   
PostPosted: Feb.17.16 11:31 am 

PostPosted: Feb.17.16 11:32 am 

PostPosted: Feb.17.16 11:33 am 

PostPosted: Mar.04.16 6:46 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тийн хэсэгхэн явж байтал олон сараар удаан хүлээсэн тохиол, боломж нь ирлээ гэдгийг тэр хурмын зуур сэтгэж л амжив. Тэд үүрэглэх нь үүрэглэн, мөрөөдөх нь мөрөөдөн, хүлээх нь хүлээн их л айван тайван явж байтал гэнэт тэдний морины хөл доороос ногтруу дэрхийн нисч, босоход тэдний морьд үргэн бусгахыг Тэмүүжин биеэрээ биш зөнгөөрөө мэдрэх шиг болов. Энэ хурамд тэр цулбуураа ухасхийн шүүрч авахдаа морийг нь хөтлөн явсан настайвтар эрийг эмээл дээрээс нь түлхэн холбируулахдаа нүдэн дээр нь шахам гарч ирсэн сэлмийг нь суга татан авав. Чингэхдээ өөрөө мориноосоо арайтай л уначихсангүй, арайхийн тэнцвэрээ олон тогтохдоо нарны хурц гэрэл ойлгон сэлэм гялсхийхийг харж амжин дөнгөж саяхан шүүрч авсан сэлмээрээ халхлахыг оролдлоо. Тэмүүжиний халхлан далайсан сэлэмтэй довтлогч хүний сэлэм мөргөлдөн хальтрахдаа түүний хүзүүн дэх модон дөнгийг тас цохин эгэмний нь тус газрыг шархтуулав. Энэ дөнгө маань бамбай болон нэг удаа намайг сэлэмний цавчилтаас хамгаалах учиртай байжээ гэх бодол түүний тархинд гялсхийн орж ирээд тэрхэн дороо алга болов. Тэмүүжин байдаг хүчээ шавхан сэлмээрээ дахин цавчихад цаад хүн нь сэлмээ алдав. Тэр түүний өрөөсөн мөрийг сэлт цавчсан байлаа. Гурав дахь хүн юу болсныг ажиглан харах, түүний тухай бодох сөхөө Тэмүүжинд байсангүй.
Тэр мориндоо ташуур өгөн ухасхийлээ. Тэр мориныхоо дэлэнд наалдан тонгойж давхина. Унаж яваа моринд минь сум тусчих вий гэж хамгаас ихээр айж байлаа. Би хоёр хөгшинтэй тулалдах шиг болсон. Гурав дахь залуу хүү хаачдаг байна аа? Тэр чинь намайг аль хэдийнээ харваад унагачих болсон баймаар юм гэж мориныхоо давхилт дунд бодон гайхна. Тэгээд суган доогуураа шагайн харвал араас нь нэг морьтон нэхэн айсуй. Одоохондоо арай ч сум тусахааргүй зайтай явна. Аль түрүүний л намайг арав харайлгалгүй гүйцээд ирмээр сэн, хачин юм даа гэж Тэмүүжин бодно. Мориндоо ташуур хичнээн өгөвч тэр нь хурд нэмэхгүй байлаа. Ийн арга тасрах шиг санагдавч, одоохондоо би нэхүүлийн гарт орчихоогүй байна. Удаан ч гэсэн урагш явж л байхаас биш. Эзэн тэнгэр минь харж байгаа бол, Бурхан халдуны онгон сүлд минь дааж байгаа бол одоо л би тайчуудын гараас мултрах ёстой сон. Ингээд баригдвал Таргадай-Хирилдэгээс илүүгээр Дарьдай отчигон намайг амьд үлдээхгүй биз гэж бодно. Тийн морио дахин дахин ташуурдана.
Дахиад л суган доогуураа шагайн харвал нэхүүлийн ганц морьтон түүнд сум тусах зайнд ирсэн авч нум сумаа агссан хэвээр, түүнийг юмуу морийг нь ерөөс харван унагах бодол агуулаагүй юм шиг морио ташуурдан араас нь нэхэх ажээ. Нум сумтай ч болоосой, ганц сум явуулахад өөрийг нь биш юмаа гэхэд морийг нь унагалгүй яах вэ дээ гэж Тэмүүжин хорсон бодно. Түүнд байдгаас хуйгүй ганц сэлэм л байлаа. Ганц морьтноос өөр дагаж нэхсэн бараа харагдахгүй байв.
Хэдийгээр хөл хөнгөн ч гэсэн тарга хүч муутай морь унуулсан нь тодорхой байлаа. Тэмүүжин үүнд ч нэг их гайхсангүй. Түүнд юу боллоо гэж аргамаг хүлэг эмээллэн унуулах билээ. Ийм л юм байлгүй яах вэ. Харин ч санаанд оромгүй овоо морь таарчээ гэж гашуунаар инээмсэглэн газар арвитай хороосон юмгүй шогшино. Сүүлдээ тэр мориныхоо амыг татан эргэж сэлмээ зэхэн араас нэхэгчтэйгээ эр чадлаа үзэн тулалдахад бэлтгэв. Түүний бие сэтгэл тайван байлаа. Эрх чөлөөтэй болох эсэх минь энэ тулаанаас л хамаарна. Тэгэхлээр тайван, сийрэг байж энэ нэхэгчтэй эрэгчин эмэгчнээ үзэх хэрэгтэй гэдгийг хурцаар мэдэрч байлаа. Араас нь хөөн яваа хүн харван унагаж болох ч тэр яагаад ч юм бэ зүгээр байгаад нь аль түрүүнээс хойш гайхал төрүүлэхгүй байж чадсангүй.
Тийн удаж төдсөн ч үгүй цаад хүн хойноос нь гүйцэн ирэхдээ сэлмээ хуйнаас нь сугалан бариагүй, нум сумаа ардаа агссан хэвээр байхыг хараад Тэмүүжин ч хуйгүй сэлмээ доош нь болголоо. Эзгүй хээр энэ газар надтай эр эмээ үзэх биш, эв зүйгээ олох л гэж ирж байгаа хүн юм болов уу, эсвэл намайг гэнэдүүлэн дөнгөх санаа өвөрлөсөн юм биш байгаа гэж бодтол сэлмээ барьсан гарын булчин нь өөрийн эрхгүй чангарч харц нь хатуурлаа. Гэвч цаад хүн нь ямарваа нэгэн муу санаа агуулсан байдалгүйгээр ирж мориноосоо буун газар суухдаа,
- Тэмүүжин чи надаас айх хэрэггүй. Цаад хоёр хөгшний нэг нь шархтаад унасан, нөгөөх нь моринд чирэгдээд арайтай л амь алдчихаагүй. Би түүнийг хөөцөлдөж мориноос нь салгасан, тэнд хэвтэж байгаа хэмээн ярихад нь аа энэ чинь тэгж яваад миний хойноос нэхэлгүй удсан юм байна шүү гэж бодлоо.
- Тэмүүжин чи намайг муу санаа өвөрлөсөн гэж бүү бодоорой. Чи ингээд эртхэн замаа хөөвөл дээр биз. Би чам руу хоёр сум тавихад л дор хаяж явгалчих байсан. Эр хүн эр хүндээ хайртай гэгчээр би ч бас зовлон амссан ядуу зүдүү хүн. Бас нас бие ойролцоо болохоор чамайг эрх дураараа яваасай гэж боддог юм. Эр хүний замын хүзүү урт, хожим хаана ч ямархуу байдлаар дахиад тааралдахыг хэн мэдэх билээ. Би цаад хоёр хөгшинд чамайг хөөгөөд гүйцсэнгүй гэж хэлье. Нум сумаа чамд өгмөөр байвч цаадуул чинь сэжиг авчих байх.
Дайнуу хэмээх энэ залууг Тэмүүжин Дарьдай отчигоны нэг хамжлага гэдгийг гадарлах болсон билээ. Түүнд сайн муу байгаа нь мэдэгддэггүй энэ залуу ийм бодол өвөрлөсөн хүн байжээ гэж Тэмүүжин дотроо бодоод ядарч яваа үед нэг хүн ч бол зөв харж байвал хүч гэдгийг санаж,
- Дайнуу чиний өр нимгэн сэтгэлийг чинь мартахгүй! гэлээ. Тийн тэр хоёр салав. Одоо л чөлөөтэй боллоо гэж Тэмүүжин бодон явж байхдаа тун удахгүй баригдаж Таргадай-Хирилдэгийн өмнө очихоо залуу насны ааг омогтоо өөрөө ч мэдэлгүй эрдэн даанч гадарлахгүй явлаа.

IV

Эцэж цуцсан мориороо бөн бөн шогшуулан одсон Тэмүүжинг үе үе эргэж харсаар Дайнуу хээр хэвтэж буй хоёр нөхөр лүүгээ яаравчлав. Тэр зугатан яваа Тэмүүжинг барьж авах боломж олон гарсан авч нэг ч удаа түүнийг далимдуулаагүй. Чухам яагаад ингэснийхээ учрыг ч өөрөө тодорхой сайн мэдэхгүй байв. Цулбуураас нь хөтөлж явсан хүнийг түлхэн унагаж, ногтруу дэрхийн нисч морьд бусгах үед Дайнуу самгардан юу болж буйг сайн ухаараагүй ч хоёр дахь хүний эсрэг Тэмүүжний тэмцэлдэж байхад тэр хэдийнээ болж буй явдлыг ойлгосон байлаа. Тийн харгалзан яваа нөхөртөө туслахаар очих хэрэгтэй байсан авч мориндоо чирэгдэн яваа нөхрийнхөө хойноос давхисэн билээ.

Top
   
PostPosted: Mar.04.16 6:47 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Энийг ер нь уншиж байгаа хүн байна уу... Байхгүй бол болих уу найз нар аа.......

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited