#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 6:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Mar.29.15 11:33 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Нэг ийм ном олдлоо


Top
   
PostPosted: Apr.12.15 2:32 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ДУУТ СУМЫН ДООР

Тэргүүн дэвтэр

"Газар бол улсын үндэс" - Модун

"Урт хотоос (цагаан хэрэмнээс) хойшхи нум сумтангууд Шаньюйн цаазыг дагасугай. Урт хотоос дотогших дээл малгайт улсыг би захирсугай. Хан улс (Хятад) Хүн улс (Хүннү) эн тэнцүү айл улс..."
МЭӨ 198 онд Хятадын баруун Хан улсын хаанаас Хүннүгийн Шаньюйд ирүүлсэн нот бичгээс

НҮҮДЭЛ

Намрын аяс орж, уулсын оройд будан суусан бүрсгэрдүү өдөр их нүүдэл эхэлж усрыг зорив.
Сэрүүн орноос бүлээн дулаан урд зүгийг чиглэн зэллэх аяны шувууд, төрсөн нутагтаа хоргодох үрсээ шавдуулан үүлэн дунд ганганалдана. Аяны шувууд ч яахав, арга буюу өвлөөс зугатаж өмнийг зорих тавилантай аж.
Харин үүрд оршин суух уугуул ус, уугуул нутгаа орхин гэнэт нүүж буй зог олон юуны учир аяны шувуудын эсрэг нүүнэм бэ.
Буйр сэлгэж шинэ нутагт буухад хүний сэтгэл тэнийж, малын жаргал эхэлдгийг үе улиран мэдэрч ирсэн энэ зог олон буцах шувуудтай уралдан ураг төрлөөрөө бус хотол түмнээрээ нэгэн зэрэг хөдөлсний учир юу билээ. Модон тэрэгний гол хахинах, мөөр яажигнан өнхөрч ядан үзэгдэх нь залхуу хүрэм агаад нүүдэл аажмаар их говь руу шургалан орж ирэв. Говьд халуун зунаараа шахам байв. Олон зуун мянган хүн, үй түмэн малын хөлөөр боссон тоос бүртийх ч үүлгүй цэлмэг хөх тэнгэрийг үе үе харанхуйлж, төөнөм нарны илчинд амьсгал давхацсан хүмүүс тоосон дунд бүрэлзэж, хахаж цацан ханиах үзэгдэнэ. Тэдэнд итгэх, үл итгэхийн байдал, ядарч цөхөрсөн шинж илт ажиглагдана. Иймээс өчүүхэн бага зүйлээс маргах, тэр ч байтугай зэвсэг зөрүүлэх явдал бишгүй гарна. Тэртээ умар зүгт дүнсийх хөх уулын оройд хэсэг үүл хургаж, хурын хэлхээ бууж буй бололтой, хааяа цахилгаан гялсхийх нь олон хоногоор нүүдэллэн ангаж цангасан хүмүүсийг дуудан даллах мэт. Номин цэнхэр уулсыг бараадсан цагт аврагдах ёстойг нүүдэлчид зөн билгээрээ ч гэх юмуу, ямар ч гэсэн хэн нэгнээр хэлүүлэлтгүй ойлгож сэтгэлийн тэнхээ аван зам ахисаар...
Их говийн зэрэглээнд хөдлөөд ч байгаа юм шиг харагдан алсад амилан дүнхийх тэр үргэлжилсэн их ууланд энэ нүүдэлчдийн өвөг дээдэс тэнгэрийн ивээлээр хоёр түм гаруй жилийн тэртээ амьдран үндсээ ургуулсан биш үү. Хэдий үед ч юм бэ бас л урагш хойш, баруун зүүн тийш нүүдэллэн газар нутгаа тэлсээр айл зэргэлдээ тэс ондоо гүрэнтэй хаяа нийлсэн тэр цагаас хойш олон жил хойно хоцорч тэр их нүүдэлчдийн үр сад улс гүрнээ төвхнүүлсээр эцэст нь өвлөж авсан газар шорооныхоо заагийг тогтоосон ажээ. Тэр бол их говиос урагш хойш үргэлжилсэн үржил шимт тал хээр нутаг, шивэр их ой, тунгалаг уст гол мөрөн байвай. Худаг, булаг шанд бараадсан хулан, хавтгай, тахь, хар сүүлт нүүдэлчдийн бараанаар зүг буруулан давхилдах бөгөөд ногтруу шувуу дэрхийн нисч тэнгэрийг нэгэнтээ бүрхэснээ огцом эргэж холдон холдсоор зэрэглээн дунд замхарна. Нүүдэлчдийн цуваан дотроос зэвсэг агссан морьтонгууд тасран ойролцоох довцог толгод дээр гарч алсын бараа саравчлан харснаа буцаж ачаандаа хийлэх нь үл мэдэгдэх дайснаас сэргийлж буй бололтой. Тэдний байнгын дагуул "дөрвөн нүдтэй" сэгсгэр банхрууд бас л ачаа хөсгөөс хазайж бут сондуул шиншлэн явснаа аажим холдож байгаа хөсөгтөө нийлнэ.
Нүүдэлчдийн цуваа төв хэсгээсээ салбарлан тал тал тийш хэдэн өртөөгөөр үргэлжлэх нь чухамхүү далайн давалгаа лугаа адил сүртэй агаад нэгэн хэмээр урагш түрэн ахисаар авай. Нүүдэл маш журамтай нэгэн хэмээр үргэлжлэх боловч аяны уртыг үл даан зам гудаст хорвоогийн мөнх бусыг үзэгчидтэйгээ салах ёс гүйцэтгэх аж. Тэд ямар ч бэрх үед насан өөд болоочдоо ёс журамтай хөдөөлүүлэн саатах болой. Нүүдлийн цуваа их говийг нэгэнт туулж, Алтайн уулсын даваа, салаа садарга бүхнээр цуварсаар энэ өдөртэй золгов.
Мал туусан бүсгүйчүүдийн гуугалах, хүүхэд уйлж, хонь мал майлалдах, цэрэг эрсийн зэр зэвсэг наран дор гялалзах, хүнд ачаатай үхэр болон тэмээн тэрэгний хяхтнах дуун нэгэн хэмээр үргэлжилнэ.
Үхэх төрөх, хайрлах хагацах бүгд зэрэгцэн нүүж байлаа. Нүүдлийн нэгэн хэсэг олон хоногийн дараа тунгалаг уст голоор тэтгэгдсэн нуурын захад тулж ирээд хүрээлэн буув. Энэ хөндийд хүн мал цувран орж ирсээр байлаа. Түр ч болов амсхийж алжаал зүдрэлээ тайлах гэгч юутай сайхан. Хэдийгээр морин дээр төрж, өсч морин дээр хорвоог барах хувь тавилантай ч гэлээ мах цуснаас бүтсэн хүн болохоор төрийн ихэс ч бай, нэрт жанжин ч бай, хоньчин хургачин ч бай хэдэн мөч яа амрахыг ав адил хүсэмжлэх бөлгөө. Эргэн тойрон хүрлэгэр элгэн хад бүхий сүрлэг уулсаар хүрээлэгдсэн тэр гайхамшигт сайхан нуурын сэрүүн амьсгалд сэтгэл сэргэсэн нүүдэлчид олон гэр, асраа барьж, аргалын утаа олгойдуулан түр зуур амсхийн хүн бүр өөрт ноогдсон тэрхэн мөчийн жаргалдаа ташуулах мэт.
Нүүдэлчдийг гараанаас нь дагасан махчин шувууд бас л энэ нуурын мандал дээгүүр сүүдэр тусган нааш цааш эргэлдэн олз хайж, зарим нь балчир хүүхдийн гараас идэх юмыг нь шүүрч бөөн гай тарих зэргээр газар тэнгэрт ив ижилхэн нүүдэл амьдрал хосолно.
Нүүдлийн урт замыг туулж шинэ нутагт ирсэн ард түмэн бол Хүннү хэмээгч их улс гүрнийхэн байв. Говьд халуун дулаан, аятай таатай хэдий ч алс хойд зүгт цагаан буурал тэргүүнээ өргөн хүлээх Хангайн их уулс хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулах ажээ.
Хүннүчүүд энэ удаагийн алс холын их нүүдлийг янз янзаар ойлгож байлаа. Төрөлх газар шороогоо орхиж гэнэт ум хумгүй нүүх болсонд зарим аймгийн дээдэс дургүй байсан ч тэнгэрээс заяат Шаньюй хэмээх тэргүүнийхээ шийдийг арга буюу дагахад хүрсэн байна. Нүүдэлчдийг тэнгэрээс махчин шувууд нүд салгалгүй дагаж байхад мөн газраар харь гүрнийхэн хараа салгалгүй тандаж байлаа.
Энэ үед Алтай өвөр говийг гатлан харь гүрний элч зардас их нүүдэл хийж буй Хүннүчүүдийг гүйцэхээр хоног тоолон довтолгожээ. Элчийг баг цэрэг хамгаалан дагалдаж явлаа.
- Бид эзний ордноос гарсаар арав гаруй хоночихлоо. Уг нь тэднийг Иньшаалгүй тандаж байлаа.
Энэ үед Алтай өвөр говийг гатлан харь гүрний элч зардас их нүүдэл хийж буй Хүннүчүүдийг гүйцэхээр хоног тоолон довтолгожээ. Элчийг баг цэрэг хамгаалан дагалдаж явлаа.
- Бид эзний ордноос гарсаар арав гаруй хоночихлоо. Уг нь тэднийг Иньшаьд байхад нь очих ёстой байсан. Алгуурлан хугацаа алдлаа. Яасан ч амархан арилж өгдөг золигууд вэ гэж хууз сахалтай албархуу байрын дээрэнгүй шинжтэй эрийг хэлэхүй, - Жа! Элчтэн таны бие лагшин чилээрхэж магадгүй хэмээн жаахан аажуурчихлаа гэж "хамаг юм чамтай холбоотой шүү" гэсэн санааг хавчуулан зэрэгцэж шогших баг цэргийн ахлагч хэлэв.
Муу санаанд нэвтэрхий мэргэшсэн элчтэн, түүний үгийн цаад учрыг тэр дор нь ойлгож, - Ямар ч гэсэн тэднийг гүйцэх ёстой. Хоосон буцваас хоёулаа эзний өмнө буруутна шүү дээ. Ойлгов уу чи! Харин... харин Хүннү нараас хоосон буцаж болохгүй. Тэндээс авах юмнаас чи бидний хувь заяа шийдэгдэнэ хэмээн битүүхэн ёргиход, - Жа! Ойлгож байна гэв.
- Энэ зэрлэгүүд чинь малтайгаа хамт нүүгээд байдаг мөртлөө дайн тулаанд гарамгай, юм сэдэхдээ гайхалтай, хурц сэргэлэн ухаантай хүмүүс бололтой. Урдах хөршөө бажгадуулсаар байгаад түмэн газрын урт цагаан хэрэм босгуулчихлаа. Газар шороондоо ч ухаангүй хайртай улс гэдэг. Хүн ард үүд чинь малтайгаа хамт нүүгээд байдаг мөртлөө дайн тулаанд гарамгай, юм сэдэхдээ гайхалтай, хурц сэргэлэн ухаантай хүмүүс бололтой. Урдах хөршөө бажгадуулсаар байгаад түмэн газрын урт цагаан хэрэм босгуулчихлаа. Газар шороондоо ч ухаангүй хайртай улс гэдэг. Хүн ард нь "чи хилийн дээсийг манаж бай!" гээгүй байхад өөрөө сайн дураараа манаанд суудаг гэнэ билээ.
Хотлоороо нүүчихээд байхад зам гудаст тааралдах энэ муусайн овоохойтон ч гэсэн "энэ газар шороо Хүннүгийнх юм шүү" гэсэн нэг ёсны дохио, нөгөө талаар харуул болж байгаа нь тэр.
Би Хүннү нарын газар олонтаа очиж байсан болохоор энэ бүхнийг сайн мэдэх билээ гэхэд тэдний тухай бүдэгхэн ойлголттой баг цэргийн дарга, - Сонин юмаа. Та тэдний тухай сайн ярьж өгөхгүй юу гэв.


Top
   
PostPosted: Apr.12.15 3:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- Болно. Бололгүй яахав. Юэчжи /МЭӨ 5-р зуунаас Хэси газраар амьдарч байсан нүүдэлч аймаг/ улсын их эзний элч зардсыг нүдний цөцгий мэт харж хамгаалах албатай чам шиг хүн тэдний тухай зэгсэн сайн мэдэж байхгүй бол горьгүй гээд хий ханиахад нөгөөх нь:
- Ёстой доо. Газар хол. Та цааш нь яриач дээ хэмээн шавдуулав.
Үдийн халуун шатаж, нар хайр найргүй төөнөнө.
- Яасан ч халуун золиг вэ? хэмээн элч бухимдсанаа, энэ зэрлэгүүд чинь өөрийнхөө болон манай хэл дээр захиа бичиж эзэнд ирүүлсэн байгаа шүү дээ гэхэд баг цэргийн ахлагч ихэд гайхаж, - Захиа бичиж ээ?
- Тийм ээ. Тэхдээ өөрийнхөө бичгээр бичээд манай хэл дээр хөрвүүлсэн л байгаа юм даа.
- Үгүй, мөн гайхалтай...
- Гайхалтай юм их бий. Чи тэдний шаньюйн өргөөнд очихоор сонин юм олныг үзэх болно.
Тэд найр хуриманд их дуртай. Одоо намар болж архи айраг элбэгшин ёстой л нэг найрлаж байгаа даа гээд уруул чимчигнүүлсэн айраг залгилахсан гэж бодохдоо шүлсээ гүдхийтэл залгив.
- Эд нар юунд ингэж төрөлх нутгаа орхиж гэв гэнэт нүүгээд явчаа юм болоо? гэж баг цэргийн ахлагч үг өдөх, сониучирхах хоёрын хооронд асуухад, - Үүнийг ярихад их учир бий гээд баруун гарт зэрэглээтэн сүүмэлзэх бараан уулыг зааж, - Тэр харагдаад байгаа уулыг нь Алашань гэнэ. Эндээс хойт зүгийн харанхуй орон хүртэл тэдний өвөг дээдэс оршин нутаглаж байсан гэдэг.
Хоёр түм гаруй жилийн өмнө тэд одоогийн энэ үр ач нар шигээ гэв гэнэт нүүдэллэж харанхуй орноор дамжин доод тивд одож алга болсон юм гэнэ билээ.
- Харанхуй орон гэж ямар шүү газар байдаг байна вэ?
- Аа! Харанхуй орон гэж энэ хорвоогийн хамгийн хойд зах юмдаг аа даа. Тэнд зун гэж бараг байдаггүй, цас мөсөнд хучигдсан аймшигт газар байдаг юм гэнэ билээ гээд элч хэсэг дуугүй шогшсоноо, тэдний нүүж суух гэдэг хамхуул л гэсэн үг гэв.
- Та бид тэдний найрт тааралдах болов уу? гэж баг цэргийн ахлагчийг гэнэт асуухад сэнгэнэсэн айраг санаж явсан элчийн загатнасан газар маажив бололтой, хий ханиалгаж шүлсээ залгиснаа, - Ишш! Тааралгүй яахав. Захын ноён л биднийг хүндэлнэ. Найрлахдаа зүгээр л ууж идээд байхгүй шүү дээ. Их сонин. Хүүхнүүд нь чоно улих шиг уртаар гингэнэнэ. Өөрсдөө бол тэр дуу гээчдээ дуртай бололтой байдаг юм. Элэнц нь саарал чононоос удамтай гэцгээх тул тийнхүү чоно шиг ульдаг юм уу хэн мэднэ. Бас малын ясаар хийсэн зүйл амандаа барьж амьсгаандаа тохируулан үлээж огцом дуу чимээ гаргана. Тэр нь уянгалаг сайхан. Өөр нэг сонин юм бол эр эмгүй цээжин биеэ хөдөлгөж, дээд тэнгэрт залбирч буй мэт дэвхцэн удтал бүжнэ. Тэр үнэхээр сонин гэхчилэн ярьж, Хүннү нарын ёс занг гарамгай мэддэг болохоо гайхуулан хамт яваа хүмүүсийнхээ бишрэлийг төрүүлснээ, - Харин ингэхэд чи хөөрхөн бор хүүхнүүдийг нь хараад хөл алдав аа! үгийн далимд хошигнох, анхааруулахыг хослуулахад баг цэргийн ахлагч инээд алдаад, - Элчтэн минь! Би чинь зуугийн тал дөхөж яваа, тэгээд ч эхнэр, том болсон хүүхэд, бас ачтай хүн шүү дээ гэхэд элч улам цаашлуулж, - Ай хэн мэдэх билээ. Хүннүгийнхний ярьдгаар шар сэмжлэх гэж нэг лут том юм зуугийн тал шүргэж яваа хүнд тохиолддог гэж бий шүү дээ гээд тас тас хөхрөхөд морьд давхийж "Юу болов" гэсэн шиг чихээ сортолзуулав.
Элчтэн цааш залгуулан, - Тэхлээр чи хүн сүргийн энэ зиндаанд яг таарч байна аа даа! гээд дахин хөхрөв.Баг цэргийн даргын хөлс дааварласан улаан нүүр улам минчийж, тэсрэх шахсан гүзээлзгэнийг санагдуулна.
Ихэс дээдсийн ордон хавьцаа насыг элээж, үүлэн борооны явдлыг төгс эзэмшсэн элч хорвоогүй марзанчуудын нэгэн болохоор энэ цөлд ийнхүү зугаагаа гаргаж явлаа. Баг цэргийн дарга угаас тиймэрхүү ярианд дургүй ч юмуу, эсвэл залуу цэргүүдээсээ зовсон ч юмуу элчийн яриаг дүйвүүлэх санаатай, - Та тэр найрын дэг ёсны талаар ярихгүй юу? Над мэтийн юм үзэж нүд тайлаагүй хүнд хэрэг болж юун магад! гэхэд элч, - Тэр тухай жич ярьж өгөмз гэснээ нуг нуг инээж, - Ингэхэд чи муу хөгшин өө... гээд цэргүүдийнхээ өмнө эвгүй байдалд орохоос үхтлээ айсан ахлагчийг тохуурхан харж, нүдээ ирмэн, - Дажгүй л биз дээ хэмээн тохуурхав. Цэргийн ахлагч, - та жаахан аяар ярихгүй юу. Хүүхдүүдийн дэргэд эвгүй гэдэг нь гэхэд, - Энэ хүүхдүүд чинь чи бид хоёроос илүү юм мэдэж байгаа байх шүү гэхэд цэргүүдийн аль хэдийнээ тэсрэх шахсан инээдийн хүлээс алдарч нирхийтэл хөхрөлдөхөд ахлагч ханцуйгаараа хөлсөө шудрав.
Үд нилээд хэвийжээ. Тэд удалгүй нэгэн худгийн дэргэд ирж дөрөө мулталлаа. Зүүн урагшаа хушууран үргэлжлэх Алтай их уулс харийн элчийн өөдөөс хаалт болж зогсох мэт сүртэйеэ дүнхийнэ.

ШАНЬЮЙ /Хаан гэсэн Хүннү үг/
Говь газрын цэв цэлмэг, бүртийх ч үүлгүй тэнгэрт өглөөний наран мандаж, түмэн хэлийн шувууд нойрноосоо сэрэхүй "хаа, хөж" хэмээн хүмүүсийн дуу хадаж нүүдэлчдийн бас нэгэн өдрийн жирийн амьдрал эхлэв.


Top
   
PostPosted: Apr.13.15 11:53 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Хүннүгийн шаньюй Түмэнгийн өргөө эргэн тойрны гэрүүдээс эрс ялгарна. Тооноор нь хөх утаа суунаглаж, зарц шивэгчингүүд орж гаран, их өргөө, хатны өргөө, зочны өргөө рүү ээлжлэн гүйж хөл хөөрцөг болцгооно. Түмэн хэмээх алдартай тэр хүн Хүннүгийн төр байгуулахад хүчин зүтгэж хорин дөрвөн аймгийг нэгтгэн толгойлж чадсан учир "Шаньюй" хэмээн өргөмжлөгдсөн ажээ.
...Мэлтэлзэн цэнхэртэх нуурын сэрүүн амьсгалд олон хоногийн аян замынхаа алжаалаа тайлан хүн малгүй амар тайван хэд хоносон боловч ар талаас ёозгүй мэдээ ирсээр байлаа.
Шаньюй Түмэн гүн бодолд дарагдан алсын бараа харан өргөөнийхөө гадаа сууна.
"Энэ газар нүүж ирсэн маань юуны буруу билээ. Дайсанд тал талаасаа шахуулчихаад байж, байлдахтай манатай. Цинь улсын жанжин Мэн Тянь гэзэг даран нэхэж явдаг, Дунхучууд улай үзсэн хэрээ шиг хажуу хавирганаас өмлөж идэхээр гуаглаж байдаг, Юэжчи нар ч хоцрохгүй цэрэглэн ирж яваа сурагтай.
Гэтэл... гэнэт намайг захын хоньчноос авахуулаад хулчгар энээ тэрээ гэдэг гэнэ. Тэнгэрээс тохоон томилогдсон наран саран ивээлт дээд Шаньюй биш гэж үү би. Мөөн. Тийм болохоор Хүннү нарын мөхөх сэхэхийн хувь заяа миний гарт байгаа бус уу. Юу л болбол болог. Хүн ардаа хотлоор нь нүүлгэж аварсан миний зөв бурууг хойч үе маань тунгаана" хэмээн бодсоноо босч өргөөндөө ороход эл хуль агаад нөгөө бодол толгойноос нь үл сална.
"Үгүй ээ!... Миний шийд буруу байсан бол үеийн үед намайг харааг. Энэ газар шороон дээр өвөг дээдэс минь амьдарч байсан юм. Энд ирж амьдрах нь дурын хэрэг. Харин түмэн газрын урт цагаан хот /Хятадын цагаан хэрэм/, их говийн завсар орших өндийж өссөн төрөлх нутаг, газар шороогоо түр боловч орхих гэдэг юутай харамсалтай.
Тэнд эцэг өвгөдийн минь шарил бий. Тэнгэр минь, газар шороо минь, намайгаа өршөө. Хүннүгийн гал голомт мөхөх ёсгүй. Тиймээс ч би гэнэтийн их нүүдэл хөдөлгөв. Өвөг дээдсийн минь сүнс өршөө хэмээн Шаньюй гүн бодолд дарагдан суув.
Суурин иргэд шиг үд болтол унтдаггүй нүүдэлчид өглөө эртлэн босоцгоож сааль сүүгээ базаан хонь ямаа бэлчээрт гаргасан бололтой хэсэг зуур нам гүм болов.
Түмэн шаньюй энэ өглөөний зоогийг барьсангүй. Энд ирснээс хойш түүний ааш өрөншин өөрчлөгдөж ялихгүй зүйл дээр уцаарладаг болсныг шадар хүмүүс нь янз янзаар тайлбарлан шивэр авир гэцгээнэ.
"Хүннүгийн төр цулгуй хөрснөөс гараагүй. Миний эцэг Шаньюй гэгдэж байгаагүй ч төр улсаа эмхлэх хэрэгт хошуулчлан явж надад жолоогоо шилжүүлсэн. Тэгэхэд миний байж байгаа царайг. Ээ чааваас" хэмээн өөрийгөө бас буруутгана.
Тэрбээр сүүлийн үед ганцаараа байхыг ихэд хүсэх болж хэн нэг нь бодлыг сарниулваас дургүйцэн гагцхүү залуу Яньжи /шаньюйн хатан/ Сарунад өөрөөр хандана.
Өнгөрсөн шөнө Сарунагийн өргөөнд хоноогүйг бодвол гав ганцаараа байхыг хүссэн бололтой. Ийнхүү Шаньюйн сэтгэлийн зовлонт бас нэгэн шөнө өнгөрч шинэ өдөр эхэлж билээ.
Гэнэт төрийн бага нагац орж ирээд Шаньюйн бодлоыг сарниулав. Энэ удаад Шаньюй уурласангүй, харин ч хар дарсан зүүд мэт бодлоос нь салгасан түшмэлдээ баярлах янзтай,
- Аа, Таху вантан! /Сүүлийн үед ван гэх болсон аж/ Цаагуур чинь сонин юутай байна хө! гээд царайгаа төв болгоход бас чиг уцаарлах болов уу яадаг бол хэмээн зүрхшээж байсан Тахугийн сэтгэл онгойж,
- Онцын юмгүй ээ! гээд түр зуур дуугүй болсноо урьд шөнө Модун хүү иржээ гэхэд Түмэнгийн царай хувьсхийснээ,
- Цаадах чинь тэгээд ганцаараа ирээ юү? гэв.
- Үгүй ээ, Усун ноёнтон өөрийн зуутын хамт хамгаалж иржээ.
- Тэгээд тэд чинь одоо болтол надтай уулзахгүй яагаад байгаа улс вэ?
- Сүүлийн үед таныг ганцаараа байх дуртай болсон болохоор л... гэхэд Шаньюй үгийг нь тасалж,
- Нааш нь оруул!Бушуул! гэхэд,
- Шаньюй! Юу л даа... Модун хүү түрүүхэн мордоод хойд хөтлөөр даваад явчихна билээ гэв.
- Тэгээд тэр чинь юм хэлсэнгүй юү?
- Юу ч хэлээгүй.
- Яньжитай ч уулзсангүй юу?
- Үгүй ээ. Аавтайгаа уулзахгүй ийм эрт хаачих нь вэ? гэсэн чинь дуугаралгүй мордоод давхина билээ. Өөд болооч ээжтэйгээ яасан ч адилхан болоов дээ гэв.
Хэдэн жилийн өмнө Түмэн шаньюйн анхны яньжи гэнэт өвчилж өдөр, шөнө хоёр ухаангүй байж байгаад таалал төгсч Модун хүү нь өнчин хоцорсныг Шаньюй нэхэн санав. Олны дотор яньжи хорлогдов гэсэн учир битүүлэг үг тарж байгаад замхарсан боловч анхны нь яньжийн тухай яриа үүсэх бүрт тэр үгийг нэхэн санадаг болж билээ. Идэр насандаа ханиа алдсан Шаньюй залуухан яньжитай болж, анхны хатны дүр төрх аажим аажмаар сэтгэлээс нь холдож бүх сэтгэл зүрхээ залуу хатан, отгон хүү хоёртоо зориулах болсон нь Хүннү гүрний төр ба ууган хүү Модун хоёрын хувьд эмгэнэлт явдал болж хувирах юм гэж хэн ч төсөөлсөнгүй.
Шаньюйн анхны яньжи өөд болсны дараахан Хүннү улсын тэргүүн вангуудын хуралдайгаар Модунд Зүүн гарын Жуки /Сэцэн сайд гэсэн хүннү үг/ хэргэм өгч, Шаньюйн үе залгамжлагч хэмээн зарлаад өнчин хоцорсон, тэгээд ч бага балчрыг нь бодолцоод цэрэг дайны асар их туршлагатай, шулуун шударга зантай баруун гарын Жуки Гийгунд харж хамгаалж явтугай хэмээн зарлиг буулгажээ.
Энэ нь алсын хараатай зөв мэргэн шийд байсан төдийгүй Модунг үхлийн аюулаас аварсан төрийн нарийн ухаан байжээ.
Түмэн яваандаа залуу яньжийнхаа эрхшээлд орж, өөртэй нь бараг үе тэнгийн хадам Таху, түүний эхнэрийн амыг харах болсон нь Хүннүчүүдийн дургүйцлийг илт төрүүлж, хорин дөрвөн аймгийн вангуудын ихэнх нь төр улсдаа гуравдахь хүнд тооцогдох жуки Гийгуны талд зогсох болсон билээ.
Жуки Гийгун олон талаараа Шаньюйтай санаа нийлэхгүй байсан ч Хүннү улсынхаа эв эеийг хичээж буулт хийж чаддаг төрийн зүтгэлтэн байв. Иймээс ч их нүүдэл хийхгүй, дайсантай тулалдан үхэх сэхэхээ үзэх гэсэн вангуудтай санаа нийлж байсан ч Шаньюйн шийдийг арга буюу хүлээн зөвшөөрч энэ газар нүүн ирсэн бөлгөө.
Яньжи Сарунагийн эцэг Таху Шаньюйн шийдээр төрийн бага нагац буюу төрийн заргач хэмээх хэргэмтэй болж, алсдаа зээ хүүгээ үе залгамжлагчаар өргөмжлүүлэх далд санааг хадгалсаар байжээ. Энэхүү санаандаа хүрэхийн үүднээс зээдээ Өбүн (үе залгамжлагч) нэр өгч ямагт Шаньюйн дэргэд байлгадаг болсныг цөөн хүн гадарлах авай. Таху бол Юэчжитэй хил залгаа орших аймгийн хүн. Угаас хар санаатай, хумсаа нууж чаддагийн дээр аливаа хүний мууг үзэх дуртай, хутган үймүүлэх ухаанд маш нарийн мэргэшсэн, өөрт нь ашигтай бол төрөө ч, нөхрөө ч худалдахаас ч сийхгүй явдалтан байлаа. Тэрбээр уран арга хэрэглэж ганц охиноо шаньюйн бага хатан яньжи болгоод, өөрийн бодолд нь саад тотгор бологсдыг алхам алхмаар зайлуулж Шаньюйд хамгийн ойр дотно шадарлах болсон бөлгөө.
Шаньюйн өргөө хавьд ийм явдал болж байснаас улбаалан бие биендээ үл итгэх, сөргөлдөөн үүсч, улс гүрний доторх эв нэгдэлд гүн ан цав гарсаар байлаа.
Төрийн бага нагац Модунг ээжтэйгээ яасан адилхан болоо вэ? гэснээс өргөөн дотор нэг хэсэг нам гүм болов. Шаньюй бодлогоширон сууснаа,
- Үгүй ээ, мөн хачин хүүхдээ. Бараг хоёр жил бие биенийхээ барааг хараагүй шүү гэхэд түшмэл,
- Тийм байх шүү. Уржнан жил билүү дээ, жуки Гийгун Юэчжийн хилийн дээс алхаж дайн үүсгэх шахсан хэргээр танд дуудагдахад хамт ирснээс хойш үзэгдээгүй юм байна шүү!
- Тэгээд юу хийж ганцаараа яваад өгөв өө?
- Ай бүү мэд. Харуулын даргаас Хүрэлдэй вангийнхийг асуусан бололтой. Магадгүй тийшээ явсан юм болов уу.
- Магадгүй. Тэднийх саяхан ар хоолойд буусан дуулдсан. Та хүн явуул. Олж ир. Хүүтэйгээ ярих юм байна гэлээ.
Тэдний яриа өндөрлөж, түшмэл гарах гэтэл өөдөөс нь насандаа баймгүй нарийхан бэлхүүстэй, хижээлдүү өндөр хүн орж ирэхэд түшмэл зам тавьж зайлснаа,
- Өө ашгүй, Усун хүрээд ирлээ. Би очиж хэл болсу гэж бодож байлаа гэхэд Усун гэгдэх тэр эр,
- Амархан сайн байцгаана уу? Шаньюй таны лагшин тунгалаг уу? гээд ялимгүй мэхийхэд Түмэн,
- Амар аа! Таануус бүгдээрээ сайн биз. Алив наашаа суу. Та нараа хэл ам байхгүй нэлээд удлаа. Гийгуныхан бүгдээрээ амар амгалан биз дээ. Үгүй ингэхэд ирэнгүүтээ ороод ирдэггүй хачин хүн ээ. Нас ахиад ч тэр үү шөнө нойр хулжаад болдоггүй гэх зэргээр эцэг эхдээ гомдол эрж буй хүүхэд адил зай завгүй үг урсгахад, юу болов оо хэмээн гайхсан түшмэл хоол унд авчруулахаар гарав.
- За тэгээд Усун чи ямар хэлтэй ирэв дээ. Үгий чинь сонсоё. Үеийн нөхөд минь холдож ганцаардах болов. Хэд хонох юм байгаа биз дээ. Хоёулаа айл хэсч залуу зандан насаа дурсан саная гэхэд,
- Намайг жуки Гийгун зориуд явуулав. Бас танд гардуулах захиа илгээсэн болно гээд өврөөсөө захиаг гарган Шаньюйд барив. Түмэн захиар авч өмнөө байгаа явган ширээн дээр тавиад,
- Үүнийг жич уншсу. Чи хононо шүү. Орой хоёул хуучилна гэв.
- Хононо. Тантай ярилцах юм их бий. Би Модунг дагаж ирсэн шүү дээ. Таныг шөнө сэрээж зовоогоод яах вэ гэж бодоод өглөө бостол Модун Хүрэлдэй гуайнд очно гээд арилаад өгсөн байж. Би өөрийнхөө зуутаас хэдэн сайн хөвүүдийг араас нь явуулсан. Юмыг яаж мэдэхэв, осол эндэл хажууд шүү! гэхэд Түмэн,
- Чи юу гэж бодно. Модун намайг тоодоггүй бололтой.
- Хаанаас даа. Та бид хоёр хар нялхаасаа өвөр түрийдээ орж өссөн болохоор надад итгэж ингэж хэлэв үү. Модун сонсвол...
- Заримдаа муу хүүгээ өрөвдөх юм. Ээжтэйгээ адилхан болж гэв үү?
- Тийм ээ. Өөд болоочтой тун адилхан.
- Модун арван зургаан нас үзэж эрийн цээнд хүрчээ. Моринд гарамгай, цэрэг дайны хэрэгт муугүй суралцсан гэж хүмүүс ярьцгаах болж. Энэ ч Гийгун та хоёрын ач гэхэд,
- Юу нь минийх байх билээ. Гийгун вантны ач мөн гэв. Энэ үед аягач бүсгүй хоол унд авчирсан учир тэр хоёрын яриа тасрав.
Түмэн шаньюй хэзээнээс сархад төдийлөн хэрэглэдэггүй атлаа энэ удаад үе үе балгаж нэлээд халамцан Усунг "уугаарай" хэмээн шахаж байв.
- За хө байз. Жукийн захиаг уншъя гээд Түмэн захиаг авав.
"Шаньюй таны амар амгаланг эрье. Таны араас нүүж ирээд, өдий болтол биеэр очиж чадаагүйн учир бол Хүннү гүрний хувь заяанд дахин аюул учирсныг саатуулах хэмээсэнд болно. Юэчжийн элч барьцаа нэхэж иржээ. Чухам юу нэхэж буйг Усунаас мэдэх буйзаа. Тэ дээд тэнгэрийг хилэгнүүлсэн шийд гаргахгүй гэдэгт итгэнэм. Таныг мэргэн шийд гаргана хэмээн элчийг саатуулан хугацаа хожиж буйг болгооно уу" гэсэн байлаа.
Багын андтайгаа уулзаж баярлаж байсан Түмэнгийн царай хувьсхийж Усунг ширтэн,
- Энэ юу гэсэн үг вэ? гэхэд Усун,
- Жуки юу гэж айлдсан юм бол доо?
- Юэчжийн элч ирчихээд байгаа юм уу?
- Тийм ээ.
- Барьцаа нэхжээ.
- Тийм гэнэ билээ.
- Юу нэхсэнийг чамаас сонс гэжээ гэхэд угаас шулуун зантай Усун,
- Таны хоёр хүүгийн аль нэгийг барьцаанд авах юм байх аа. Энэ муусайн Юэчжийнхэн боохой борооноор гэгчээр бидний хүчин мөхөстсөнийг далимдуулж байгаа юм. Элчийг хөөн явуулж байлдсугай хэмээн Жуки хэлүүлсэн. Энэ зөв гэхэд Түмэн,
- Тиймээ. Бид хэдий болтол зугтаах билээ. Тэхдээ Мэн Тянь жанжин ар шилэн дээр сууж байдаг. Дунхучууд бас их бэлэг сэлт шаардаж байдаг, яадаг шүү юм билээ дээ хэмээн гутрангуй дуугарахад нь нэгэнтээ төрийн ачаа ахадсан нөхрөө Усун өрөвдөв.
- Усун минь, ямар ч гэсэн хүүхдүүдээ барьцаанд өгч дээд тэнгэрийг хилэгнүүлэхгүй. Элчийг хүлээж авч ая талыг нь олоод буцаая. Нүүдлээ үргэлжлүүлж Хангай их уулсын нөмөрт хоргодон өвөлжиж хүчээ зузаатгасугай. Чи ингэж Жукид хэлнэ биз гэхэд,
- Жуки намайг Модунгаас бүү холд гэсэн билээ.
- Аа тийм үү, сайн байна. Тэгвэл Модун та хоёр миний дэргэд байх юм шив дээ. Алив наад аягатайгаа барь. Хүн явуулж Жукид хэл хүргүүлье. Юэчжийн элчийг хүлээн авахад бэлтгүүлье! гэв.
Үдийн ид халуун шатаж хүн мал бүгд л сүүдэр бараадна. Шаньюй, Усун хоёр гарч ирээд тэртээд дүнхийн хөхрөх хангайн уулсыг ширтэн зогсоцгоов.

ХУЙВАЛДААН
Залуу бүсгүй, түүний хүү бололтой долоо, найм орчим насны бүстэй хүүхэд хоёр шагай хаяж булаацалдан хөхөрнө. Бүсгүйн төрх байдал энхрий ялдам агаад энд суугаа хэдэн хүний дундаас гоц ялгаран харагдах нь шарилжин дотроос цухуйх өнгөт цэцгийг санагдуулна.
Бүсгүй, хүү хоёр хөгжилтэй ч гэсэн улаан царайтай шалхгар нэгэн эр, шонтгор шанаатай, тогтворгүй бүлтгэнэсэн нүдтэй, гуншаа хөх эр, хатсан хар мөөгийг санагдуулам үрчгэр хар авгай гурвын царай бүрхэг өдрийн тэнгэр мэт бүүдийж бие биендээ хараа шидэн дуугарч ядна.
- Саруна, чи больж үзээч! Чамд хамаагүй юмаа гэхэд наад хүүд чинь хамаатай юм болоод байна гэж үрчгэр хар авгайг уцаарлахад "Хүүд чинь" гэдэг үг бүсгүйг цочоов.
- За дараа болъё. Алив миний хүү наад шагайгай хураачих гэж залуу бүсгүйг уянгалаг дуугарахад улаан царайтай шалхгар эр,
- Өбүн! Миний хүү аавындаа орж бай. Томчуулын ярианд оролцдоггүй юм гэснээ баруун доод талд хүлцэнгүйн дүр үзүүлэн суугаа гуншаа хөх эрд хандаж,
- Чи Өбүнийг шаньюйд оруулж өгөөд ирээч. Чамтай жич ярилцах зүйл бий гэхэд нөгөөх эр хүүг дагуулан гарлаа.
Тэрбээр Таху вангийн туслах, итгэлтэй хүн гэгдэх бөгөөд эхнэртэй нь нэг голд төрж өссөн. Өөр хоорондоо нууц сэтгэлтэйг хэн ч үл гадарлана. Тэд муу үйл хийх болохоор улай үзсэн хэрээ лугаа адил дуу дуугаа авалцана. Таху түүнийг эхнэртэйгээ далд сэтгэлтэйг мэдэхгүй, номхон морины ногт, дорд боол лугаа адил үзсээр иржээ.
Гэтэл тэр боол нь вантны ар хударгаар тавьж өшөөгөө авдаг, эхнэрээр нь дамжуулан өөрийн санааг биелүүлж чаддаг хорвоогийн адал явдалтны нэг болой. Өбүнийг гарсны дараа халуун амин яриа үүсч Хүннү гүрний бас нэг гунигт үе эхлэх мөч ойртож байв.
- Аав аа тэгээд та нарын саяын яриад байдаг үнэн юм уу? гэж Сарунаг эрхлэнгүй асуухад Таху,
- Үнэнээр барах уу, охин минь! Юэчжийн элч аль хэдийнээ ирчихсэн, Жуки гийгун тэднийг саатуулж байгаа юм байна гэхэд хажуугаас нь үрчгэр хар авгай,
- Саруна чи чинь Шаньюйн Яньжи, хүүхэд гаргасан эхнэр хүн. Хэзээ томоожих байна аа. Өөрийнхөө хувь заяатай холбоотой юманд нүдээ нээж чихээ онгойлгож баймаар юм гэлээ. Энэ үрчгэр хөх авгай бол Тахугийн эхнэр, яньжи Сарунагийн эх бөлгөө. Тэрбээр эрийг гоо сайхнаараа татах заяатай төрөөгүй болохоор гоо сайханд хорсож, үзэсгэлэнг бөхөөх хорыг өвөрлөж ямагт атаархаж явдаг нэгэн. Гагцхүү сурвалжит гэрт төрсөндөө өдий зэрэгтэй яваа хүн байв.
- Юэчжийн элч ирээ л биз дээ. Түүний төлөө боож үхэцгээх гээд байх юу байнаа гэж Саруна ер тоосон шинжгүй хэлэхэд үрчгэр хар авгайн уур шатаж эр нөхөр, охин хоёроо ээлжлэн хялалзаж ухасхийн өндийснөө лагхийн суув. Царай нь улам үрчийсэн нь хатсан хар мөөгийг санагдуулна.
- За яршиг байгаа даа! гээд Сарунаг өндийхөд,
- Сууж бай! гээд хэсэг зуур үгээ олж ядан байснаа,
- Цаана чинь Юэчжийнхэн Өбүн, Модун хоёрын нэгийг барьцаанд авахаар ирчихээд байна. Ойлгов уу, гичий минь! гэхэд Сарунагийн ховорхон төрсөн хөөрхөн царай нь хувьсхийж зэрвэсхэн харахад үрчгэр хар авгайтай төстэй болсон мэт байлаа.
Дотор гаднаа нэвт харласан өөдгүй эр эмийн завсраас гарсан гэмээргүй хосгүй цэвэрхэн төрсөн энэ бүсгүй Шаньюйн эхнэр болж Яньжи хэмээн өргөмжлөгдөж хүү төрүүлсэн нь үнэн. Үзэсгэлэн төгөлдөр залуу бүсгүй, нас ахиж буй Түмэнг эрхшээлдээ оруулж төрийн хэрэгт хутгалдах болсныг Хүннүчүүд гадарлах болж баруун гарын Жуки Гийгун, Чинос овгийн хөгшин ван Хүрэлдэй тэргүүтэй зарим аймгийн вангууд дургүйцэж Шаньюйд анхааруулж байсан боловч тэрбээр нэгэнт занганд орсон байлаа. Сүүлдээ Шаньюй залуу хатандаа хэтэртлээ шимтэн төрийн хэргийг хойш тавьж зугаа хөөцөлдөх, элдэв явуул ярианд хутгалдан анд нөхдөөсөө холдон тасрахад хүрсэн байна.
Таху, Шаньюйд ихэд итгэгдэн ноён нуруутай, алсын хараатай, төрд хэрэгтэй хүн хэмээн итгэл хүлээжээ. Төрөлх газар шороогоо орхиж нүүх санаа ч Тахугийн гэр бүлээс улбаатай байв.
...Шаньюйн залуу хатны өргөөнд Хүннү улсын түүхэнд хар мөр үлдээх яриа үргэлжилсээр...
Энд суугаа гурвын царай бүрхэг тэнгэр шиг улам бүүдийж байлаа.
- Ааваа, одоо ингээд яах вэ? гэж Сарунаг уйлагнахад Таху,
- Охин минь, Хүннүчүүд бид мөхдөгийн даваан дээр байна. Чи л түүнийг аварна. Хорин дөрвөн аймгийн вангуудын ихэнхийн бодлыг тас цохиж энд нүүж ирэхэд чи л тус боллоо шүү дээ. Зарим хүний ярьдаг өөдгүй үгэнд бүү үнэмш! гэснээ авгай руугаа хяламхийн хөлсөө шувтарч явган ширээн дээр байгаа зэс гүцнээс харь газрын хийцтэй ганган аяганд шимийн юм хийж нэг амьсгаагаар залгилан хоолойнхоо төвөнхийг гүрэлзүүлэв.
- Ээж бид хоёрын чинь нас өндөр болж хадан гэр тийшээ зүглэж байна. Муу зээ та хоёрыг бодохдоо л ингэ, тэг гэх юм гэхэд Саруна,
-Тэгээд Шаньюйд юу гэж хэлэх болж байна вэ? гэхэд ээж нь,
- Юу гэх юу байдаг юм, Модун эрийн цээнд хүрчээ. Учраа олж амьдарч чадна. Харин Өбүн барьцаанд явах юм бол би явна шүү гэхгүй юү гэв.
- Гүрэн улсаа нүүлгэхийг та нар надаар дамжуулан Шаньюйд ятгуулаад л байсан. Одоо... гэтэл үрчгэр хар авгайн омог уур шатаж,
- Үгүй ер өө, бас их ариухан, нинжин сэтгэлтэй амьтан гарч ирэх нь ээ. Энэ чинь хэнд хэрэгтэй юм бэ? Нохой долоо. Чи тэр Юэчжийн газар очиж жаргалаа эдэл л дээ. Хажууд чинь Жуки Гийгуны шадар туслах Усун, Модунтай ирчихээд байна. Хүннүгийн хорин дөрвөн аймгийн вангуудын үгийг нэг удаа тас цохиж наашаа нүүлгэж чадсан Шаньюй удаахаа тасалж чадахгүйг чи мэдмээр юм. Нүүдэл суудалд дарагдаж зав зайгүй энэ үед амжиж амиа хоохойлохгүй бол хохь чинь болно. Бушуухан цаадах маанагтайгаа учраа ол. Маргааш гэхэд хожимдох вий гээд хуурамч нулимс унагав.
Говь газрын шөнийн тэнгэрт тоолж баршгүй одод анивчин, баруун талын хүрлэгэр хар ууланд чоно ульж, гэрийн ноход тэр зүг хуцаж давхилдана. Зовлон жаргал, гэрэл сүүдэр хосолсон хорвоогийн нэгэн өдөр шөнөөр солигдож, өргөө гэр бүрт өөр өөр яриа хөөрөө болж байлаа.


Top
   
PostPosted: Apr.13.15 2:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЯНЬЖИ САРУНА
Шаньюйн бага хатан яньжи Саруна гоёмсог ганган орныхоо урдуур тас хар, урт үсээ задгай хаян, цээжин биеийг ил орхиж, тооно ширтэн бодолд дарагдаж хэвтэнэ.
Хүннүгийн Шаньюйн яньжийн өргөө гэсэндээ нүд булаах зүйлээр элбэг, ганган тансаг эд юмсаар арвин, үнэртэн танартан сэнгэнэсэн сэтгэл булаам, сайхан ажээ. Торгоор өнгөлж, төв дундаа сонин хачин ургамал, далайн яст мэлхий, загас тэргүүтнийг өнгө ялгаруулан товойлгож оёсон нарийн ур хийц бүхий ширдэгүүд өвч дэвсэж, торгоор бүрж эмжсэн, ургаа модны дүрсийг утсаар товойлгон, тэр бүрийн хооронд хос хосоороо эрхэлж буй ер бусын хачин амьтдын дүрс гаргаж оёсон хөшиг татжээ.
Яньжигийн орны эгц ард ноцолдож буй бар, сарлаг, бугын ар зоонд асан ноцож байгаа махчин шувууны дүрс бүхий хөшиг татсан үзэгдэнэ. Шаньюй хатнаа таалахаар орж ирэх болгондоо эхлээд залран суудаг баруун хойт талын олбог суудлын ар талд ханан хээтэй хүрэн торгоор захалж, шатран хээтэй бөсөөр эмжсэн, үүлэн дунд давхиж яваа морьтонгуудын дүр бүхий маш уран хийцийн аравч байх агаад морьтой хүмүүсийн хооронд "Хаан", "Бурхны орон", "Шаньюй" гэсэн бичээс байх ажээ.
Өргөөний хойморт гоё хээ хуар бүхий авдар зэрэгцүүлэн байрлуулж, дээр нь том хүрэл цөгцөнд дэн асаажээ. Авдрын арын хөшигний төв хэсэгт чихээ соотойлгон хүзүүгээ өргөж, зүүн тийшээ харж байгаа цагаан морийг өргөн нүүртэй, бүлтгэр нүдтэй хачин хүн унаж, яньжийн орны зүг нүднийхээ булангаар ажиглаж байгаа мэт харагдана.
Асаасан дэнгийн гэрэл тодорч, бүдгэрэх болгонд хөшиг, аравчин дээрх хатгамал амьтад хөдөлж буй мэт харагдах нь хачин. Өргөөний үүдэнд хүн ойртон ирэх чимээнээр яньжи буруу харж хэвтэв. Төдөлгүй эсгий үүдийг сэвхийтэл сөхөж нэгэн хүн орж ирсэн нь шаньюй Түмэн байлаа. Тэрбээр заншил ёсоор олбог дээрээ очиж суусангүй. Хатныхаа хажууд сууж явж очоод толгойг нь зөөлөн илж,
- Саруна минь! Цаана чинь их хэрэг мандаад эртхэн ирж чадсангүй. Юэчжийн элч... гэтэл Саруна огцом эргэж Түмэнг хүзүүдэн авав. Залуу сайхан бүсгүйн шалдан бие, ер бишийн үнэр хэлэх үгийг нь тасалдуулж, хорин жилийн зөрүүтэй хоёр зүрхний цохилтоос өөр юм үл сонсогдох авай.
Шаньюй, хувцастайгаа байж энэ анхилам сайхан цэцгийг тэвэрч гэмтээх вий гэсэн шиг хөндийрүүлэн духан дээр нь үнсээд хучих гэтэл,
- Шаньюй! Та хажуулаач хэмээн наалинхайтан гарыг нь цээжиндээ авахад Түмэн тачаалын мананд автан,
- Ингээд л үргэлж чамтайгаа хамт байхад юутай сайхан бэ? Заримдаа Модунд төрийн жолоогоо шилжүүлээд Өбүн та хоёртойгоо зайлж арилах юмсан гэж хүртэл бодогдох юм гэхэд Саруна,
- Та юу ярина вэ? Та чинь дээд тэнгэрээс заяат Шаньюй шүү дээ.
- Тиймээ. Тэхдээ миний хүү Модун... гэтэл Саруна үгийг нь тасалж,
- Та Өбүн бид хоёрыг хөөж явуултугай гээд мэгшин уйлав.
- Хэт та хоёрыг хөөж явуулах гэсэн юм бэ? Би амьд байгаа цагт та хоёр зовох явдалгүй хэмээн бардам хэлэхүйд Саруна түүнийг дахин хүзүүдэж аваад,
- Шаньюй! Тан надаас нэг зүйл нуугаад байна аа даа гэхэд Түмэн,
- Би чамаас юу ч нуудаггүй.
- Тэгвэл Юэчжийн элч ирсэн тухай та надад нэг ч үг дурсаагүй шүү дээ гэхэд Түмэн хатныхаа гарыг түлхэж,
- Чамд үүнийг хэн хэлэв. Төрд бас нууц гэж байдаг юм. Тэгээд ч бүсгүй хүн төрийн хэрэгт орооцолдоод байх нь сайнгүй хэмээн уурлахчаан аядаад босч өөрийн суудалд очиж суухад Саруна орноосоо нүцгэн сугарч ирээд Шаньюйн өмнө сөхрөн унав.
Түмэн Яньжийгаа өрөвдөх, дэнгийн гэрэлд хүрэл мэт харагдах чармаа нүцгэн биеийг нь харж хайрлах, тачаадах хоёрын завсарт яах ч учраа олохгүй нэгээхэн бээр балмагдсанаа жаахан тайвширч,
- Саруна бос. Бос. Орондоо оч хэмээн аргадангуй хэлээд гараас нь татаж босгов. Өтөлж байгаа шаньюйг номготгох увьдасыг аль хэдүйнээ эзэмшсэн залуу бүсгүй "Тэр мөчийн өмнө" дахин довтлохоор эм хүний огцом нарийн ухаандаа болгоосныг Шаньюй үл тааварлах ажгуу.
Дайсны хэдэн түмэн цэргээс илүү далд хүч энэ хорвоод ийнхүү хэргээ эхлэх цаг ойртов. Шаньюй, яньжи хоёр орондоо оров.
- Юэчжийн элч барьцаа нэхэж ирсэн тухай хэд хоногийн өмнөөс л яригдах болов гэж Сарунаг дахин үг өдөхөд,
- Тиймээ. Чи ч бас соргог чихтэй байна шүү гээд хамрыг нь зөөлөн чимхэж эрхлүүлэхүйд,
- Харин та л надаас нуугаад байх юм. Би танд тэгтлээ итгэл алдсан юм болов уу даа гэж бодоод гомдож явлаа гэхэд,
- Хаанаас даа! Ер нь ингэхэд төрийн нууц гэж бий шүү дээ хэмээн төрийн хүний дүр төрхөө алдаагүй мэт дахин баширлахад,
- Тэр ч тийм л дээ. Тэхдээ таны яньжи чинь бүгдийг мэдэж байж тус болох бус уу.
-Тийм нь ч тийм. Алив энэ яриаг орхиё. Амрая гэж яриаг булзааруулахыг оролдоход энэ мөчөөс хойш дайрах боломж олдохгүйг сайн мэдэх Саруна,
- Шаньюй! Хүү бид хоёр энд байхад маш хэцүү болжээ. Хүмүүс юу ярьдгийг та яаж мэдэх билээ гэхэд Шаньюй ихэд сандарч,
- Чи юу хэлнэ вэ? гээд хагас өндийв. Саруна ч өндийж Түмэнг хүзүүдэж аваад,
- Намайг тантай дэр нийлүүлснийг хүртэл элдвээр хэлдэг бололтой.
- Атаархсан хүмүүсийн үг яриа л биз. Чи юунд хоёрын хооронд юманд сэтэглээ зовоож байдаг юм. Ярьдаг нь ярьж амтай нь ангалзаж л байг. Урт хушуу хүзүү ороодог гэдэг. Цаг нь болохоор... гэтэл Саруна яриаг нь тасалж,
- Хүмүүсийн ярих нь хамаагүй байдаг юм гэхэд... гээд айлгах санаатай буруу харан хэвтэв. Шаньюй ч хэвтэн бодолд дарагдлаа. Шөнийн үүлгүй цэлмэг тэнгэрт одод анивчих нь тооноор тод харагдана. Сэтгэл шаналсан үед Түмэн анхны хатнаа ямагт нэхэн санадаг бөлгөө. Анхны хань гэдэг хэзээ ч мартагддаггүй нэгэн болой. Тэр өөд болсоор арав шахам жил болсон ч үл мартагдах агаад тэнгэрт гялалзах аль нэгэн од хосгүй хөөрхөн төрсөн, анхны Яньжигийнх нь гал-од мэт санагдана.
Энэ хорвоог орхисон хүн бүхэн тэнгэрт гарч амьдардаг, тэгээд тэдний түлсэн гал шөнийн тэнгэрт гялалзаж байдаг хэмээн өвөг дээдсийн дээд тэнгэрийг шүтэж ирснийг саналаа... "Би тэнгэрт халих нь шиг байна. Би ч яахав. Хүүгээ хүний зэрэгт хүргээрэй. Бид хоёрын..." гээд үгээ хэлж дуусалгүй анхны хатан нь өөд болсныг энэ мөчид дахин саналаа. Тэгснээ уртаар санаа алдахад Саруна эргэж тэвэрч аваад бодлыг нь сарниулав.
- Шаньюй! Та юу бодоод санаа алдав аа?
- Зүгээр зүгээр. Нойр хулжих нь шиг байна.
- Мулгуу эм намайг өршөө. Таны сэтгэлийг зовоочих шиг боллоо.
- Чамаас өөр үнэн үг хэлдэг хүн алга. Өнгөн дээрээ Шаньюй, шаньюй гэцгээнэ. Үнэн хэрэг дээрээ тэс өөрөөр ярьцгаана. Энд тэндгүй нүүж явдаг Хүннүчүүдийг нэгэн гарт базаж, харь гүрнээс зааглан хилийн дээс тогтоож, эе эвийг хичээж явтал башир муусайн дайснууд тал талаас шахаж биднийг энэ газарт авчрав. Энэ нутаг ч яахав угаас бидний өвөг дээдсийнх юм хойно.
Бүх аймгийн вангуудыг төрийн хэрэгт адил оролцуулж байхаар вангуудын хуралдай бий болгон харилцан ярилцаж шийддэг ёс тогтоолоо. Гэтэл энэ маань заримдаа миний эсрэг турхирах хуралдай болчихдог байгаа гэв.
Саруна ашигтай мөчийг хүлээн чагнасаар хэвтэнэ. Шаньюйн яриад байгаа зүйлийг бүгдийг нь мэдэж байлаа ч анхаарч буйн дүр үзүүлнэ.
- Намайг сэтгэлийн ямар их зовлон эдэлж явааг чамаас өөр хүн үл мэднэ хэмээн Шаньюйг яриагаа үргэжлүүлэхэд Саруна,
- Вангууд таныг нэг л таашаадаггүй гэлцдэг. Ааваас өөр түшиг болох хүн ч ховорхон бололтой гэв.
- Таху вантанд би итгэж явдаг. Тиймдээ ч ван болгож төрийн бага нагац хэргэм өгсөн юм. Өбүн хүү маань ч хоёр хөгшний гар дээр хүн болж өндийж байна гэхэд довтлох мөч нэгэнт болсныг ухаарсан Саруна,
- Модунгаас болж хүү бид хоёрыг ихэд ад үздэг бололтой гэв.
- Чи юунд дэмий юм ярина вэ? Модун, Өбүн хоёр чинь нэг эцгийн хүүхдүүд шүү. Аль аль нь дээд тэнгэрээс заяат Шаньюйн удам. Хэн тэгж чиний сэтгэлд элдвийн юм хийгээд байна хэмээн уцаарлав.
Шөнө орой болжээ. Алсад морин төвөргөөн гарч ноход боргон давхилдана.
- Шаньюй! Модун энд ирэх юм бол Өбүн бид хоёрыг Юэчжийн барьцаанд явуулж аль!
- Чи чинь өнөөдөр юу яриад байна? Би хэнийг ч Юэчжийнд явуулахгүй! гэхэд Саруна мэгшин уйлав.
- Яньжи, (эрхлүүлэхдээ Яньжи гэж дууддаг байв) сэтгэлээ бүү зовоогтун. Дугхийх минь. Маргааш их хэрэг шийднэ. Юэчжийн элчийг ёс төртэйхөн шиг хүлээж аваад буцаавал бидэнд өлзийтэй гэснээ,
- Шаньюй, Яньжи хоёр нойр муутай хоноод цэлхийчихсэн байвал эвгүй харагдана хэмээн хошигнож дүйвүүлэхийг оролдоход Саруна,
- Шаньюй! Ихэнх вангууд Өбүн бид хоёрыг үзэн ядаж байна гэхэд,
- Яалаа гэж тэр билээ хэмээн Түмэн түгшингүй асуулаа.
- Модун үе залгамжлагч учраас Өбүн саад болно гэж бодоцгоодог бололтой. Хэрэв та надад, Өбүндээ хайртай бол Модунг Юэчжийн газар барьцаанд явуулаач гэж уйлагнахад,
- Би хэнийг ч явуулахгүй.
- Модун, Жуки Гийгуныд удсан болохоор элдэв зальхай юманд суралцаа биз.
- Гийгун муу хүн биш. Цэргийн гарамгай жанжин. Цагаан цайлган сэтгэлтэй. Чи яахлаараа түүнийг үзэн яддаг юм бэ?
- Түүний эх Динлин /МЭ 5-р зуун хүртэл хойд Азиар нутаглаж байсан Түрэг хэлтэн аймаг/ хүүхэн байсан болохоор...
- Тэр яахав. Би ядарч байна. Унтаж үзэх минь гээд хатнаа тэврэхэд цаадах нь дургүйцэв.
- Саруна! Чи нэг юм хэлэх гээд байна аа даа. Шуудхан хэлчих гэхэд залуу бүсгүй нас ахисан эрийнхээ донжийг нь олж чаддагийн хувьд дахин нялуурч,
- Та өчүүхэн муу эмйин үг гэж бодно уу яана. Өөрөө мэд гэв.
Энэ удаа шаньюй дуугарсангүй.
- Та гүрнээ толгойлж амьд мэнд явбаас бид бүхэн, хүү бид хоёр амьд байх болно. Хэрэв та...
- Чи юу яриад байна.
- Хэрэв та осолдвоос Хүннү гүрэн ч, хүү бид хоёр ч өнгөрнө.
- Хэн намайг цааш харуулчих гээд байгаа юм. Дэмий хов живэнд итгэж явах ч гэж...
- Модун эрийн цээнд хүрчээ.
- Тэгээд юу гэх гээд байгаа юм?
- Таны суудлыг булаацалдахгүй гэх газаргүй.
- Хүү минь. Модун нялх балчир байна.
- Өнөөдөр намайг хэчнээн зэвүүн харсан гээч!
- Мөөн.
- Тантай ч эхэлж уулзахгүй нагац ах Хүрэлдэйтэй золгохоор давхиад явчихаж байгаагий нь...
- Намайг завгүй байгааг ойлгоо биз.
- Үгүй ээ. Энэ чинь ухаан суусан эр хүний санаатай явуулга биш үү. Магадгүй Гийгуны явуулга ч байж мэднэ. Гийгун өөрийн итгэлт хүнээ хамт ирүүлсэн байна. Жукийн итгэлт хүн Усун бол мөрч нохой!
- Тэгээд чи юу гэх гээд байна?
- Хоёр хүүгийнхээ толгойг та л мэднэ. Юэчжийг номхотгохгүй бол бидэнд ямар уй гашуу тохиолдохыг мунхаг эм би хүртэл тааварлаж байна. Тийм болохоор шаардсаныг нь гүйцэтгэх ёстой.
- Тэхлээр барьцаа өг гэсэн үг үү?
- Тиймээ. Аавын хэлж байгаагаар бол Мэн Тяны их цэрэг бас ойртож яваа юм байна.
- Үүнийг би мэднэ.
- Та Модунг Юэчжийнд явуулж найрсаг байдал тогтоох нь юунд харшлах билээ.
- Хүүгээ барьцаанд явуулчихаад юу бодож суух билээ.
- Охиноо хатан болгон өгөх, бүстэй хүүхдээ барьцаанд явуулах ёс хаана ч байдаг биз. Тэгээд ч Модун ухаан суусан эр хүн. Тэнд очоод сайндаа нэг хоёр жил болно биз. Тэгээд буцааж авч болохгүй нь юу билээ гэв.
...Авдар дээрх дэн бөхлөө. Яньжийн өргөөнд хав харанхуй болов.


Top
   
PostPosted: Apr.13.15 4:03 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
АДУУЧИН ТҮМНИЙ ИХ ВАН
Адуу маллаж, цэрэг дайнд хэрэглэх агт морьдыг сургадаг, Хүннү нарын дунд адуун сүргийн их ноён хэмээн алдаршсан Чинос овгийн ван Хүрэлдэйнх Шаньюйн өргөөнөөс хагас өдөрчийн хиртэй буугаад намаржиж байв.
Говь газрын намрын нар зулайнаас төөнөж, амьтай бүхэн сүүдэр бараадна. Хүрэлдэй гэрийн сүүдэрт эсгий ширдэг дэвсүүлэн тухалж, бүлээн хярам ууж цангаагаа гарган цэнхэртэн дуниартах алсын бараа харж сууна. Нар үд хэвийсэн ч бүгчим халуун хэвээрээ байлаа. Тэртээх гүвээн дээгүүр бараан морьтой хүн гэлдрүүлэн гарч аажмаар наашлахыг харж хэн болохыг таньж ядна.
"Хүү маань бишдэг. Арай өндөр зэгзгэр харагдаад байх чинь, гэлдрээд байхыг бодвол нэг их яарч яваа хүн биш бололтой" хэмээн Хүрэлдэй бодож хярамнаас хэд балгалаа.
...Адуу мал эрж хайх, дайн тулааны хэргээр говийн хойно урд гарч байснаас бус өргөө гэрээ барьж энд удаан амьдарч байгаагүйг зэрвэсхэн харахад өвс ургамал муутай, улаан шаргал элсэн хөрстэй, наранд түлэгдэж мөлийсөн элгэн хүрэн хадтай энэ нутаг юутай их өгөөж баян болохыг бие сэтгэлээрээ нэгэнтээ мэдэрсэн хүн энэ байв.
"Энд ирээд хэдхэн сар болоход зон олны маань сэтгэл тэнийж, адуу мал хүч тэвээргээ хурдан авч байгаагий нь яана. Малтай зэрэгцээд багширч байгаа энэ их зээр гөрөөс... Хөгшин толгой эцэг өвгөдийнхөө энэ газар шороонд орж уусахад юунд дургүйцэх билээ.
Гэхдээ нүд анихаас өмнө өсч өндийсөн Иньшань, Алашань нутгаа харж чаддаг болов уу? Үгүй болов уу? Түмэнгийн үед ч лав өнгөрөв бололтой" гэхчилэнгээр бодож суутал нөгөө морьтой хүн саахалтын хиртэй ирж яваа нь харагдлаа.
"Эндээ идээшиж нутагшсан ч болмоор юм. Гэтэл Түмэн яаралтай нүүж, Орхон, Туулын хөндий ор гээд байдаг. Хөөрхий муу Түмэн бид хоёр өтөлж төр улсаа захирахтай манатай явах шив.
Уг нь Яньжийг байхад арай ч ийм арчаагүй байгаагүй юмсан. Зальт Таху охиноороо түрий барьж толгой дээр нь гарав бололтой. Тэр үнэгэн зальт амьтан, зээгээ үе залгамжлагч болгох гээд байна гэж хүмүүсийн ярьдаг нь ортой байх... Ортой байх шүү.
Модун ямаршуу явдаг бол. Жуки Гийгуны хараа хамгаалалтад байгаа болохоор алзахгүй!" гэж үргэлжлүүлэн бодож байтал морьтой хүн уяан дээр ирж байлаа.
Энэ үед гэртээ үйл хийж байсан Хүрэлдэй вангийн эхнэр гэрээсээ гарч ирээд нөгөөх хүнийг ажиглан зогссоноо,
- Энэ чинь хэн байна вэ гэхэд Хүрэлдэй,
- Ойрд л үзэгдээгүй... гэснээ, хөөе Модун биш биз гээд өндийлөө. Уяан дээр ирсэн хүн мориноосоо буугаад Хүрэлдэйн гэрийг чиглэн алхав.
- Модун мөн байна! хэмээн вангийн хатан дуу алдахад их бага гэрт юм хийцгээж байсан зарц барлагууд год год хийн гарч ирцгээв.
"Тийм байна. Мөн байна" гэж бөөн шуугиан хөл хөөрцөг болцгоон, Модуныг ээлжлэн үнслээ.
- Үгүй ингээд хүрээд ирдэг байж. Алив гэрт морилж хайрла! гэж Хүрэлдэй ван урьснаа, эхнэртээ хандаж,
- Цаадуул чинь хоол унд бэлтгэг гээд гэртээ оров. Шаньюйн үе залгамжлагч, зүүн гарын Жуки Модунг үзэхээр гарч ирсэн зарц, шивэгчингүүд амаа ангайн гайхацгааж байснаа тарцгааж байдгийнхаа зүг манаргацгаалаа.
Хүрэлдэй гэрт оронгуут,
- За дээшээ суу. Яахлаараа энэ цөвүүн цагт ганцаараа явж байдаг билээ? гэхэд
- Өнөө өглөө аавынд ирсэн. Тэгээд тантай золгох гээд... гэтэл Хүрэлдэй үгийг нь тасалж,
- Золголгүй яахав. Тэхдээ чамайг ёс төргүй ганцаарангий чинь явуулдаг нь...
- Би аавтай уулзаагүй яваа.
- Байз, байз хүү минь. Өнөө өглөө ирсэн, эцэгтэйгээ уулзаагүй. Тэгээд ганцаараа явж байдаг. Юу болоо вэ? Эс бөгөөс... гэтэл хатан нь
- Өвгөн минь! Наад хүү чинь ядарч яваа байх. Урдаар хоол унд өгье гэв.
Хүрэлдэй вантан нас ахисан ч хөдлөх нь хөнгөн агаад аливаа ажлаас хойш сууна гэж үгүй, болж өгвөл өөрийн биеэр оролцохыг хичээдэг нэгэн байв. Тэр, Шаньюйн анхны Яньжи, Модунгийн эхтэй бүл болохын хувьд хатанг сэрүүн ахуй цагт Түмэнд шадарлаж, Хүннү улсын хорин дөрвөн вангуудын хуралдайд сууж, цэрэг дайн, нүүдэл суудлын асуудал шийдэлцэж явснаа Яньжийг таалал төгссөнөөс хойш Шаньюйн өргөө хавьцаа үзэгдэх нь ховордсон билээ.
Түүний хамгийн дуртай ажил бол адуу маллаж, цэрэг дайнд хэрэглэх агт морьдыг сургах явдал байлаа. Шаньюйгаас эхлээд аймгийн ахлагч нар эвэртэн туурайтан, нэрт жанжингууд байлдаанд хэрэглэх хүлэг морьдоо эднийхээс авахыг хичээцгээнэ. Ялж дийлэхийн баталгаа болсон хурдан хүлгүүдийг сургаж бэлтгэдэг болохоор Хүрэлдэй ван улс гүрэн дотроо дөрөвт орох зиндааны хүн байлаа. Модун энэ айлд элэг татаж, бас их холын бодолтой ирснийг түүнээс өөр хэн ч үл гадарлана.
Гэрт халуун яриа дөнгөж эхлэхтэй зэрэгцэн яах ийхийн завдалгүй гаднаас гоёмсог том ваартай айраг оруулж сөгнөн, майга хөлтэй явган ширээн дээр идээ өрөв. Хүрэлдэй ван зарц шивэгчдийг цаашлуулж,
- Мондинуудыг хар. Дуртай юмаа болохоор нүд ирмэхийн зуур л бүтээчихнэ шүү гэхэд эхнэр нь,
- Миний хүүхнүүдийн шалмагийг чи одоо л мэдээ юү гэж цаашлуулахад,
- Тийм бий, мондинууд. Цагаан сарын хуучдаар Тахуг ирэхэд хөдөлж ядаад л байх чинь билээ. Тэр чинь том хүн, Шаньюйн залуу яньжийн эцэг хүн шүү хэмээн анхааруулах, ёжлохыг хослуулан хэлснээ,
- Модун минь чамтай уулзаагүй удсан байна. Чи ч том эр болжээ. Ээжтэйгээ адилхан болж дээ! гэхэд эхнэр нь,
- Ёстой ёстой. Хөөрхий ээж нь ийм л өндөр нуруутай, дүрлэгэнэсэн хар нүдтэй хүн байсан даа. Шүдий нь хар. Яг шүү. Инээмсэглэж явдаг сайхан зантай хүн байж билээ гэхэд
Хүрэлдэй ван эхнэрийнхээ үгийг тэсч ядан хүлээснээ,
- Орой Шороту маань ирэх биз. Тэхлээр хэдүүлээ ярилцъя. Одоо Модун бид хоёр улс гүрний холбогдолтой юм жаал зугаа хөөхөөдхөе гэхэд цаадах нь босч явлаа. Тэрбээр язгуурт гэр бүлээс гаралтай, чинос овгийн ван, адуучин түмний их вангийн эхнэр гээд ямбалж суудаггүй, ааль ажил сайтай, үйлэнд урнаараа нэрд гарсан хүн бөлгөө. Залуудаа Хүннүгийн олон ван, ноёд, жанжингуудын сэтгэлийг булааж явсан, үзэсгэлэн төгөлдөр бүсгүй байсан ажээ. Одоо хэдийгээр ялимгүй таргалж, нас ахисан хэдий ч тал хээр нутгийн бүсгүйчүүдэд байдаг, үгээр илэрхийлэхэд бэрх, сэтгэл булаам сайхан царай, намба төрхөөрөө хөгшин залуу хэний ч хайр хүндэтгэлийг хүлээх увьдасаа хадгалсан хэвээр. Хорвоогийн сайхан бүхэн улирах цагийн эрхэнд ч тэнгэрлэг сайхнаараа байдгийн гэрч энэ буюу.
Хүрэлдэй ван эхнэрээ ихэд хайрлан хүндэтгэх бөгөөд ханилан жаргах замдаа нэг ч удаа ам муруйж үзээгүй билээ. Эхнэр нь төрийн хэрэгт хушуу дүрдэггүйн адилаар Хүрэлдэй ван ч гэрийн дотоод аар саар ажилд хушуу үл дүрнэ. Хоёулаа ааш зан сайтай, хүний мөс чанараар гойд болохоор тэднийхээр орж гарах зочин гийчдийн хөл тасарна гэж бараг байхгүй. Гэхдээ Хүрэлдэй ван төрийн хэрэгт цалгар назгай хандахыг үл тэвчих ба эе эвийг ямагт эрхэмлэх болой.
Тэрбээр зөвхөн агт морьд сургаад зогсохгүй, алтан эдлэл, төмрөөр хутга, тахир сэлэм, дөрөө, хазаарын амгай, хайч мэтийн хэрэгцээт зүйлс хийх санаа гарган, тусгай гэр барьж, уран дархан хүмүүсийг цуглуулан ажиллуулж буй билээ. Хөрш суугуул ард түмний дээрэнгүй хаад, ноёд Хүннү нарыг "Жилийн дөрвөн улиралд хээр хөдөө мал хариулж, өвс усны ая даган хэсч явахаас өөр юу ч хийж чаддаггүй" гэснийг сонссоноос хойш "Юу чаддагаа үзүүлэхсэн" гэхээс тогтож сууж чадахаа больсон нэгэн байв.
Тэрбээр "Хүннүчүүд бол суурин ардаас нүүдгээрээ ялгагдахаас бус ухаан үйл хоёроороо үл ялгагдмой. Харин ч нарийн дэг журамтай морин цэрэг бий болгож, нум сум сэдэж гаргаснаараа бусдаас давуутай" гэж бахархана.
...Адуун сүргийн их ноёны өргөөнд хөгшин залуу хоёр айраг ууж, намуухан ярилцана.
- Тэхлээр Юэчжийн элч сайндаа ч биш өдөөн хатгаж яваа нь тодорхой боллоо. Жуки Гийгун ямар бодолтой байх юм? гэж Хүрэлдэй ванг асуухад Модун,
- Жуки аавд захиа бичсэн. Усун гуай өгөө биз. Юэчжийн элчийг буцааж, шууд л дайтъя гэсэн утгатай захиа бичсэн гэсэн.
- Уг нь зөв. Гэхдээ хүчээ хуримтлуулах энэ тэрээ гэсээр байтал тал талаас дайраад ирвэл хөөрхий болно.
- Вантан! Ингэхэд бид чинь юуны учир ум хумгүй зугтаж энд ирсэн болж байна вэ? Улс гүрнийхээ хүчийг нэгтгэвэл...
- Багачуул та нар зүрх зоригтой, галд орохоос ч буцахгүй улс. Энэ сайн хэрэг. Гэхдээ ухаангүй зүрхэлбэл нохойн замаар орж мэднэ. Үе нь өнгөрч байгаа мануусаас авах юм ч бий, хаях юм ч бий. Хүн болсныхоо хэргийг гүйцээж чаддаггүй хүн байхаас биш хэрэггүй газар шороо гэж байхгүй. Алга дарам газрын төлөө алтан амиа өгөхөөс буцахгүй тийм хүнийг хүн гэнэ. Бид чинь Хүннүчүүд! Магадгүй энд нүүж ирсэн нь зөв байж ч болно. Үүнийг гагцхүү дээд тэнгэр мэдэх биз! гэхэд хэзээнээсээ ах зах хүнийг хүндэлж, хэлж захих үгийг нь тэвчээртэй сонсож тунгаадаг Модун энэ агшинд тэвчээр алдаж,
- Хүрэлдэй ахаа! Жуки (Гийгун) бид хоёр тэс өөр бодолтой байгаа юм гэхэд
- Жуки зүрх зоригтой, цэргийн нэрт жанжин, энэ улсдаа чиний дараа орох том хүн. Мэдээж Шаньюйн үе залгамжлагч, зүүн гарын Жуки Модун болон баруун гарын жуки Гийгун хоёрын үгийг салхинд хийсгэж болохгүй. Одоохондоо Гийгун залуу, чи балчир байна. Тэхлээр... гээд хэсэг дуугүй болох мөчийг ашиглан Модун,
- Вантан та бол улс гэрийн адуун сүргийн их эзэн. Нэр хүндтэй хүн. Та бол энэ улсын төлөө бие сэтгэлээ зориулсан буурал. Таны мэргэн үг, сургаалыг авах ёстой ч энэ удаад санаа нийлж өгөхгүй байх чинь гээд ванг юу гэх бол гэсэн байдалтай ажиглав.
..."Эр өсч эсгий сунажаа. Энэ хүү чинь нэг юм дуулгаж мэдэх шүү. Шаньюй бидний үе өнгөрч буй бололтой. Энд нүүж ирдэг нь зон олноо үхлийн аюулаас аварсан хэрэг боловч хүчирхэг улсын нэр сүр алдрав. Ай халаг. Бид зөнөгүүд юу хийчихэв дээ. Үнэгэн зальт Таху, Яньжи хоёр л гай түүтгэр тарьж орхилоо... Араас маань сайн залгамж үе залгаж байгаа нь энэ биш гэж үү. Өвөг дээдсийн сүнс сүлд өршөө" хэмээн Хүрэлдэй бодох зуур,
- Модун минь төрийн хэрэг нарийн шүү! гэхэд
- Тийм ээ. Тэхдээ аав шиг байж таарахгүй!
- Тэгж ярьж болохгүй дүү минь. Би чиний хамгийн ойр төрлийн хүн. Шаньюйг ч мэднэ. Чамайг өсөхөөс өдий болтол мэднэ. Шаньюйд үүнээс өөр шийд гаргах боломж байгаагүй байх.
- Тэгвэл яагаад хорин дөрвөн аймгийн хуралдайгаар шийддэг ёсыг огоорсон юм бол? гэхэд эе эвийг ямагт хичээхийг оролддог өвгөн ван... "энэ хүнтэй чинь яриад байвал эцэг хүүгийн хооронд ан цав гаргаж мэдэх нь. Нялх балчих амьтан гэж бодсон маань бишидлээ шүү. Гийгун, Усун хоёрын гараар орсон нь мэдэгдэж байна. Бас их сэргэлэн толгой бололтой" гэж бодсоноо,
- Тийм тал бий. Тэхдээ гэнэтийн юм гэж бас нэг айхтар явдал бий шүү дээ гэв.
- Газар шороондоо аюул учирчихаад байхыг мэддэггүй Шаньюй байна гэхэд нэг л итгэж өгөхгүй юм. Маргааш аавтай уулзаж ний нуугүй ярилцана гэж бодож байгаа гэхэд Хүрэлдэй ван,
- Шаньюй гэдэг бол тэнгэр гэсэн үг. Түмэн бол чиний эцэг. Тийм болохоор аль ч талаар бодсон хүндлэх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт чамд бас адилхан хэрэг тулгарахыг хэн мэдэх билээ. Хүү минь аливаад тэвчээртэй байх нь удамт хүний эрхэмлэх зүйл. Чи жирийн хүн биш наран саран ивээлт, тэнгэр удамт Шаньюйн үе залгамжлагч гэдгээ бүү март! хэмээн сургамжлах аядсанаа,
- Алив, хоёулаа жаахан гадаалъя. Үг олдож, үхэр холдлоо. Орой цөмөөрөө нийлж байгаад нэг сайн хуучилцгаая. Шороту маань адуучдыг эргэхээр явсан. Өнөөдөр ирэх ёстой гэв. Тэр хоёр өндийлөө.
Нар нэлээд гудайж, ойролцоор бяцхан нуурын эргээр адуу мал, усны шувууд холилдон өөр өөрсдийн жаргалыг эдлэх мэт налайна.
...Бага залуу хүмүүст зөвхөн айраг өгч настан буурлууд шимийн архи, харь газрын хатуу дарс шимж ам халцгаан улс гүрний хувь заяаны тухай маргалдаж, өнгөрсөн түүхээ хүүрнэлдэх нь Модунд аятайхан байв. Архи сархад төдийлөн хэрэглэдэггүй ван энэ удаад жаахан хэтрүүлэн хүртэж халаад "хүүхдүүд ээ дуул, бүж" хэмээн шавдуулна.
- Алив чи нэг дуу бариад орхиоч гэж баруун талд нэлээн дээгүүр суугаа дөч эргэм насны туранхай хөх эрд хандахад,
- Вантан минь энэ багачуудаас дуулуулбэл яасан юм бэ гэхэд Хүрэлдэй
- Чи үлгэр үзүүлэх учиртай. Яагаав тэр жил Юэчжийн эзнийд Шаньюйн зараалаар очоод найран дээр нь дуулж гайхуулсан дуугаа аял хөө! гэв.
- За даа барах болов уу даа гээд
"Эзэнтэйгээ хамт харь газарт олзлогдон очоод зовлон үзэж буй хөлөг морь, цэрэг эр хоёр төрөлх газар шороогоо санагалзаж оргон босоод эх нутагтаа ирэхийн даваанд эрсдэж, тэнгэрт халин одсон тухай" гунигт уртын дуу дуулж дуусгахад бүгдээрээ дуучинг сайшаан магтах үгээ олж ядацгаав. Модунд энэ дуу таалагдсан бололтой амаа хагас ангайж дуучныг гөлрөн сууснаа уртаар санаа алдав.
Цагаан гэгээ тасарснаас нэлээд хойно бяцхан найр өндөрлөсөн боловч залуус "цүү" хэмээх тоглоом тоглож ихэд хөгжилдөн нэгэн шөнийг өнгөрүүлэв. Найр өндөрлөх үед Шаньюйн бие хамгаалах мянганы нэг зуутын дарга Модунг хайж ирсэн боловч Хүрэлдэй ван маргааш хүүтэйгээ хамт явуулж хүргэж өгнө гэснээр тэднийг шөнөд нь буцаасан ажээ. Өглөө нь ноёныхон эртлэн босоцгоож Модунг гаргаж өгөх гэж бөөн хөл хөөрцөг болцгоов. Хүрэлдэйн хөгшин Модунгийн нэг хацрыг нь үнсээд нөгөөг дараа ирэхэд чинь үнсэнэ гээд хойноос нь сүү өргөж, хоёр хөгшин залуусыг далд орон ортол гаднаа зогсон үлдлээ. Модун, Шороту хоёр зэрэгцэн зөөлөн хатируулна.
- Би өөрийнхөө эдлэнг заалгаж тэндээ очих санаатай байгаа гэж Модунг хэлэхэд Шороту түүнийг гайхан харснаа,
- Уг нь зөв л юм даа. Аав чинь чамайг дэргэдээ байлгах гэх биз дээ. Чи ингэхэд Шаньюйн өргөө хавьд байхаасаа юунд дургүйцдэг байна? гэхэд
- Ээж минь амьд сэрүүн байсан бол өөр хэрэг. Чи сонссон уу? Ээжийг минь хорлож алсан гэдэг.
- Хов жив биз. Зарим зальхай хүмүүс юу ч гэж хэлж мэднэ шүү.
- Хов биш бололтой. Би хэзээ нэгэн цагт учрыг нь мөшгөн олох болно. Хүннүчүүд бид ингэж өрөвдөлтэй зугтааж байгаа маань ч тэр зальтангуудтай холбоотой. Шороту чи бид хоёр үүрдийн анд боллоо. Тэгээд ч садан улс.
- Тиймээ. Үүрдийн андууд. Чамайг дуудангуут л давхиад очих болно.
- Чамд гэж хэлэхэд би эдлэн газартаа очоод өөрийнхөө цэргийг урьд хожид дуулдаагүй маягаар сургана. Чи аан гэж бай. Үлгэрлэж хэлбэл одоогийн бидний хэрэглэж байгаа нумны сумыг исгэрдэг зэвтэй болгож ба хааш нь харвана цэргүүд тэр дохиогоор үг дуугүй тэр зүг харваж байхаар сургаж болно шүү дээ.
- Сонин бодол байна.
- Цэргээ морины зүсэм дагуу нийлүүлж яагаад болохгүй гэж. Аан гэж бай! Хүрэлдэй вантан та хоёр цэргийн агт гарамгай сургадаг хүмүүс. Үүнийг та хоёр хийж болно. Үлгэрлэвэл, өргө этгээдэд дан цагаан морьтой, дорнод талд халзан морьтой, умардад хар морьтой, өмнөдөд хул мортой хүмүүсээр байрлал эзлүүлбэл сүр хүч ихээхэн өөр болно.
- Энэ ч бас сонин санаа байна. Чамайг энэ санаагаа биелүүлбэл би дуртайяа дэмжинэ. Аав татгалзахгүй байх.
- Чи бас аан гэж бай. Шаньюйн өргөө хавьцаа үнэгэн зальтангууд цугласан бололтой. Эдн нар л төр улсыг баллаж байна. Яньжи аавыг хүзүүгээр нь оосорлосон гэцгээх юм. Тэр ортой болов уу. Тийм болохоор их болгоомжтой байх нь зөв.
- Ээ дээ Модун минь хов жив, атаа хорсол цуу биш биз дээ.
- Тийм ч юм бий биз. Би хов живд дургүй. Гэхдээ цаана нь бас нэг далд санаа нуугдаад байдгийг мартаж болохгүй.
- Ямар санаа?
- Бүсгүй хүнийг гүрэн улсын хэрэгт хутгалдуулж болохгүй гэсэн санаа л даа.
- Гэхдээ бүсгүй хүнгүйгээр өрх гэр тогтож чадахгүй гэдэг биз дээ гэхэд Модун,
- За жаахан ергөх үү гээд мориндоо ташуур өгөв.


Top
   
PostPosted: Apr.13.15 4:54 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 886
умшаад л байхаас


Top
   
PostPosted: Apr.13.15 11:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
mark

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.14.15 1:42 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЭЦЭГ ХҮҮ ХОЁР
Зүүн өмнөх лүглэгэр хөх уулсын цаанаас час улаан наран цухуйж ядан байхуйд оройтож унтсан Шаньюй хатныхаа өврөөс арайчуу сугарч ээтэн гутлаа углаж, сул захтай торгон тэрлэгээ нөмөрч гараад зүүн урд талд байгаа өргөө рүүгээ хэд алхсанаа зогсов.
Агь таанын ер бишийн сайхан үнэр хамар цоргино. Шаньюй хатнаа таалсны дараа үүр шөнийн заагаар амьтан хүний босч амжаагүй байхад гардаг зантай боловч өнгөрсөн шөнө бие сэтгэлийн их ачаа үүрснээс таг унтаж, орой боссондоо жаахан тавгүйрхэв.
Өргөөг хүрээлэн буусан гэрүүдээс зарц, барлагууд гарч орцгоох завсраа Шаньюй дээр хараа тусгаад, залуухан бүсгүйчууд зориуд өөр хоорондоо жиг жуг гэлцэх нь сэтгэлд сэвтэй.
... "Зөнөг толгой шар сэмжилчихжээ" хэмээн хөхөрч байгаа болов уу гэхээс яс нь хавталзан "Аа золиг" гэж амандаа үглээд өргөөндөө яваад орчихов.
- Энэ үед хойт хөтөл дээгүүр хэсэг морьтой хүмүүс давхилдан гарч ирээд бөөгнөрч хоорондоо ямар нэг юм ярьж буй бололтой байснаа бараан зүсмийн морьтой горзгор залуу тэднээс тасарч өргөөг чиглэн гэлдэрлээ.
Энэ бол шаньюйн үе залгамжлагч, зүүн гарын Жуки Модун байлаа. Тэрбээр өөд болоочийг хөдөөлүүлэх ёслолд оролцох гэж буй мэт газар ширтэн гэлдэрнэ. Өчирдөрхөн сураг нь гараад алга болсон Модунг таньсан авгай хүүхнүүд ойртмогц барааг нь хараагүй удсан болоод ч тэр үү... бүсгүй хүний сониуч зангаар гэх үү үнээ малаа шувтрахчаа аядаад босон суун хүлээж, тугал татаж байсан сэвгэрүүд ажлаа мартаж амаа ангайн гайхаж байв.
Эрийн бяд суугаагүй ч Модун хувирч хараа булаах сайхан залуу болжээ. Ялимгүй жартгардуу тас хар нүд, өргөн шанаатай, гонзгойвтор бор царай, шулуун хамар нь өөд болооч эхийгээ дуурайсанг эс тооцвоос дүр төрх нь Түмэнтэй тун адилхан.
Тэрбээр авгай хүүхнүүдтэй явдал дундаа мэнд амраа мэдэлцэн шууд явсаар эцгийнхээ морины уяан дээр бууж зарцад морио өгөөд өргөө тийш алхлаа.
Шаньюй өглөөний зоогоо барьж тайван байхыг оролдовч шөнө Яньжийн өргөөнд болсон яриа байн байн толгойд нь орж ирээд сэтгэл зовооно.
... "Хорин дөрвөн аймгийн вангуудад юу гэж хэлнэ ээ. Хүмүүсийн царайг яаж хардаг билээ. За тэр ч яахав. Модунд... хүүдээ яаж..." гээд бодож суутал гоёмсог эсгий үүдийг нь сэвхийтэл онгойлгоод өндөр горзгор хүн орж ирлээ. Өглөөний зоогийн үеэр хэл мэдээгүй хэн гэгч орж ирээд ёс зөрчдөг билээ хэмээн уцаарлах янзтай хартал Модун байлаа. Түмэнгийн зүрх лүг хийснээ шанаа өөд нь халуу дүүгээд явчихав. Барьж байсан аягатай хярмаа алдаад, яагаад ч юм бэ босчихсон байлаа. Хүүгийнхээ өмнө үүрдийн буруутан болох гэж байгааг цайруулах өөр зам байхгүйг түүний сэтгэл зүрх болгоож эцэг Шаньюйг тийнхүү түлхэн босгосон буюу.
- Улс гүрний их Шаньюй хүндэт аав таны түмэн амгаланг эрье! гэж Модунг намуухан дуугаар мэндлэхэд сая сэхээ авсан шаньюй,
- Ашгүй миний хүү хүрээд ирэв үү? Нааш ир, аав нь... гэхэд Модун эцэгтээ ойртов.
Шаньюй хүүгийнхээ духан дээр үнсээд,
- Чи минь... Яасан өндөр болж байна. Тонгойхгүй бол духанд чинь хүрэхгүй нь. Суу. Одоохон идэж уух юм авчруулсу гэж халамж үзүүлэх аядсан үг бүхэн нь нэг л хөндий, бэргэсэн хэвтэй байхад хоёр биений хооронд харайгаад уулзахгүй ангал үүсэх мөч ойртсоныг Модун ухаарч байлаа.
- Суу. Суугаач... гээд Түмэн хүүгээ шавдуулан өөрөө суудалдаа лагхийн суув. Духны нь хөлс чийхарч, гар нь ялимгүй салганаж байгааг харвал сэтгэл нэн их хөдөлж буй нь илт. Тэр хоёр хоромхон зуур өөр өөрийн бодолд дарагдан сууснаа Түмэн,
- Чи чинь өчигдөр ирчихээд аавтайгаа уулзалгүй давхиад явчихдаг хүн юм аа? хэмээн зэмлэх, гомдохыг зэрэгцүүлэх өнгөтэй асуухад,
- Таныг Таху вантай төрийн хэрэг ярилцаж байна гэхээр л дэмий байхын оронд Хүрэлдэй вангийнд очиж золгоод ирлээ гэж "төрийн" гэдгийг ёжлох өнгөтэй дуугарахад Түмэн хоолойгоо засч дороо хий хайвганав. Тэгээд хүүгийнхээ ухаан тэлж, бие өссөнийг сая ойлгов бололтой, түүнийг харснаа яриа бишдэх рийшээ хандсаныг ухаарч дүйвүүлэх санаатай,
- Гийгун вангийнхан сайн биз дээ? Ойрдоо хэл чимээ байдаггүй. Харин өчигдөр Усунаас сайн сонслоо гэв.
- Хэвийн мэнд!
- Та нарыг Алтан уулын шувтрах үзүүрийг ороон, Их говийг туулаад зүүнтээх нуурын ойролцоо буулаа гэдгийг дуулсан. Ядарцгаав уу?
- Ачаа хөсөгтэй хүмүүс л ядрав бололтой. Зам гудаст олон хүн тэнгэрт халилаа. Ингэхэд төрөлх нутгаа орхиж ухаан жолоогүй зугтаадгийн учих юу билээ, аав аа? гэж тулгахад санаандгүй асуултад тулгамдсан Түмэн нүүрээ илснээ уцаарлангүбй аястай,
- Зугатах юу байхав дээ. Өөр арга байгаагүй юм. Чи ингэхэд ах захаа алдаж байгаа юм биш биз. Эцэгтэйгээ хэдэн үг зөв сольж чадахгүй хэг маг гээд...
- Аав аа, та "Юм үнэнээрээ байх сайхан" гэдэг байгаагүй билүү. Бид хотлоороо зугатаж энд ирсэн нь үнэн байхаа гэхэд дотроо хүүтэйгээ санаа нийлэвч дээд тэнгэрээс заяат Шаньюй хүн алдах ёсгүй гэсэн бодолдоо хэт автсандаа,
- Худлаа. Таануус шиг багачуул юу ч мэдэхгүй байна. Элэг өөд жад тулгасан Мэн Тян /Цинь улсын цэргийн жанжин. МЭӨ 215 онд Хүннүг Ордосоос хөөн шахаж гаргасан/-ы үй түмэн цэргийг яах гээв. Хоёр талын хавирганаас зулгаахаар араатан шиг гэтсэн Юэчжи, Дунху нарыг бас яахав хэмээн уурслаа. Энэ байдлаас ажиглахад нэг нь эцэг, нөгөө нь хүү гэдгээс өөр юм үлдсэнгүй. Өвөг дээдсийн ярьдгаар эмээлийн бүүрэг лугаа адил болсон байв.
Зарц барлагууд хоол унд оруулж ирээд тэр хоёрын өмнөх явган ширээн дээр тавьсан боловч аль алин нь түүнд хүрсэнгүй. Улс гүрний гуравдахь томоохон хэргэмтэн, баруун гарын сэцэн сайд жуки Гийгуны гар дээр хүмүүжиж, төр болоод цэргийн ёс журмыг хар багаасаа гарамгай эзэмшсэн Модун, Түмэнг эцгээ гэхээс шаньюйн хувьд хүндэтгэж удам угсааныхаа цаашдын хувь заяаны тухай ярих гэсэн нь талаар өнгөрөх хандлагатай болсныг ойлгож,
- Шаньюй! Ямар ч гэсэн тулалдах л ёстой байсан юм гэхэд Түмэн арай зөөлөрч,
- Бидэнд тулалдах хүч байхгүй байна. Багачуул та нар дандаа гоомой юм хийдэг. Аав нь энэ улс гүрнийг тэргүүлж өдий наслахдаа юу эс үзсэн гэхэв.
- Гийгун ван бид хоёр өөрийнхөө түмтийг хөдөлгөж Юэчжи нартай тулалдан сандаргалаа. Хүчээ нэгтгээд хөдөлсөн бол Мэн Тяны цэргийг ч хиар цохих байсан юм гэхэд Түмэн толгой сэгсрэн,
- Гийгун та хоёрын болчимгүй явдлаас болоод бид хүнд байдалд ороод байна! гэхэд,
- Хүнддээд байх юу байна. Барьцаа шаардсан элч л ирлээ. Одоохондоо Гийгун вангийн хараа хамгаалалтанд байж байна.
- Тэдний цаана Юэчжийн их вангийн хүч хуран цуглараад байгааг та нар ойлгож байна уу. Үгүй юу хө?
- Одоохондоо бидэнд аюул учрах хүч болохгүй.
- Чи яаж мэдэж байгаа юм?
- Гийгун вангийн туршуулын баттай мэдээ байгаа юм гэхэд Түмэн
- Хм! гэснээ "Одоо л хэлдэг цаг ойртлоо. Энэ хүүхэд чинь Яньжийн хэлдгээр эрийн цээнд хүрчээ. Хүн өөрийнхөө том болсон хүүхдийг нялх л юм шиг санаж явдаг нь үнэн байна. Уржнан өвөл ирж байснаасаа тэс өөр болжээ. За байз! Яаж хэлдэг билээ. Гийгун энэ хоёр үгсээд байдаг гэдэг нь үнэн бололтой" хэмээн бодов. Тэгснээ,
- Модун минь! Бид хэнтэй ч тулалдахгүй. Юэчжийн элчийг хүлээж аваад буцаана. Чи "зугатсан" гэж намайг зэмлэж байх шиг байна. Би улс гэрээ мөхлөөс аварсан юм. Чи чинь тэнгэрээс заяат, наран саран ивээлт Шаньюйн хүү. Өбүн чи бид гурав нэгэн биеэ огоорч улсаа авч явах учиртай гэхэд Модун,
- Шаньюй! Тэгээд Юэчжид барьцаа өгнө гэсэн үг үү? гэв.
- Тийм ээ.
- Хэнийг?
- Чи эрийн цээнд хүрч ухаан суусан цэрэг хүн болжээ! гээд хүүгээ харснаа хараа мөргөлдөхүйд дальдчин толгойгоо гудайлгав.
- Тэгээд та!... гээд Модун үгээ дуусгалгүй бослоо.
- Тийм ээ. Өбүн дүү чинь балчир байна шүү дээ хэмээн амандаа бувтнахад Модун огцом босч юу ч дуугаралгүй гарч одлоо.
Шаньюй Түмэн гав ганцаар гүн бодолд дарагдан хоцорлоо. Гадаа хүлээж байсан ч юмуу, юу болж буйг тандах санаатай ч байсан уу Модунг гарахад Таху ван халз тулгараад,
- Өө! Модун мэнд үү. Алив ах нь... гэх чимээнээр Шаньюй сая юу хийчихсэнээ ухаарч "...Ээ чааваас би ямар их үйл лайтай хүн билээ" гээд өндийх гэтэл Таху орж ирлээ. Тэрбээр,
- Шаньюй! Модун чинь мэндийн зөрөөгүй болжээ. Намайг хялайн харснаа мордоод зүүн тийшээ давхичихлаа. Та хоёр... гэтэл Шаньюй суутугай хэмээн гараараа дохив.
Тахугийн царай цэлдийн хөхөрч, эрлэгийн элч л ийм байдаг байх гэлтэй харагдахад шаньюй ярвайсхийн духныхаа хөлсийг арчив. Шаньюй ч гэсэн өрөвдөлтэй харагдлаа. Хүннүчүүдийн дунд төдийлөн элбэг тохиолддоггүй битүү хууз сахал нь өрвийж, залуу цагт нь аятайхан харагддаг байсан уртавтар гонзгой нүүр нь зэвхийж, нүд нь бүлтийн хянгадуу шөвгөр хамар нь унжиж нэг л таатай харагдсангүйд Таху гайхав.


Top
   
PostPosted: Apr.14.15 3:44 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЭЛЧИЙН ҮГИЙГ СОНСОЁ
Шаньюйн өргөөнд Юэчжийн элчийг хүлээн авах ёслол болж байв. Нүүдэл суудлын эрхэнд хавчигдаж ганган тансаг, хэврэг эд хогшил базааж, хүний нүд хуурч гайхуулахуйц юмс төдийлөн элбэг биш ч Шаньюйн ёслолын өргөө баян тансагаараа хятадын хуандийн дараа орох Юэчжийн эзний элч зардсын нүдийг хужирлачихаар сонин гойд зүйлсээр элбэг байв.
..." Үгүй энэ өвч дэвссэн ширдгийг... Перс газрын хивснээс дутахгүй гоё эд байх чинь. Үлэмжийн сонин хээ хуар, хачин амьтдын дүрс гаргаж урласан хөшгийг юутай зүйрлэмээр юм бэ?... За байз! Шаньюйн баруун гарт суугаа хүйтэн харцтай горзгор хүү лав өнөөх Модун биз. Шаньюй, Яньжи хоёрын дунд сууж босоод байдаг тавитаргүй жаал Өбүн гэдэг отгон хүү нь мөн. Яньжи ч аргагүй л сайхан амьтан юм даа. Ийм хүүхнийг нэг..." гээд дороо хайвагнаснаа "Харийн элч зардсыг хүлээж авах, дайтах эсэх мэтийн чухал хэргийг хорин дөрвөн аймгийн ахлах ноёдын хуралдайгаар шийддэг ёсон нь өнөөдрөөс эхлэн унтрав бололтой. Тахуг эс тооцвол, Лули, их хушууч гээд эрэмбэ дараалсан нөлөө бүхий ноёдоос нь ирээгүйг бодоход Таху ч хийдгээ хийсэн бололтой. Уг нь түүнд харамгүй юм атгуулсан даа. За байз. Шаньюйд хэдийд нь бэлгээ баривал онох бол" хэмээн Юэчжийн элч бодож байтал том ваартай айрагны дэргэд сууж байсан ёслолын түшмэл босч,
- Саран саран ивээлт, тэнгэр удамт Шаньюй, Юэчжийн их эзний элчийн үгийг сонсоё гэж байна гэхэд таана амтагдсан тарган мах идэж, сархад айрагтай хольж дараа дараагаар түлхүүхэн хүртэж улаан зээрд болсон мулзан толгойтой, хууз сахалтай элчтэн янцаглан өндийж хичээнгүй байдлын дүр үзүүлэн,
- Шаньюй таны түмэн амгаланг эрж, манай Юэчжийн их эзэнтэн... гэтэл задгай захтай, навчин хээтэй хөх торгон тэрлэг өмсч, хүрлэн товхтой өргөн бүс жавхайтал бүсэлсэн, өргөн цээжтэй нарийн бэлхүүстэй ид насны нэгэн эр өргөөний үүд сөхүүлэн сүр бараатай орж ирэв.
- Үгүй ээ энэ чинь Гийгун шив дээ гэж Шаньюйг дуу алдахад,
- Тийм байна.
- Хэдийд хүрээд ирэв.
- Ойрд үзэгдээгүй шүү гэцгээн хүмүүс ас амандаа шуугив.
Жукийг ирэхгүй гэж бардам бодож суудлыг нь эзэлж суусан Таху доошилж зай тавьж өгөхөд Шаньюй,
- Жуки наашаа суу. Хүрээд ирэв үү? гэв. Гийгун өөрийн суудалд суунгаа Таху дээр хараагаа тусгахад тэрбээр дальдчин ханцуйгаараа хөлсөө шувтрав. Чимээ шууриан ялимгүй намдахыг ашиглан элч,
- Хүннүгийн наран саран ивээлт Шаньюй таны түмэн амар амгаланг эрж, тантай нүүр учруулан уулзуулахаар манай их эзэн намайг илгээсэн юм. Харамсалтай нь Шаньюй тантай учрах хугацаа алдаж алгуурласан явдал биднээс болоогүйг энэ ялдамд өчсү гээд "Чамаас болсон шүү" гэсэн аятай Гийгунг хялайн харав.
Хүмүүсийн анхаарлыг өөрөөс нь холдуулж, хэлэх үгийг тасалдуулсан Жукид элчтэн үнэн голоосоо дургүй нь хүрч "...Энэ зэрлэг амьтан нэг бол хилийн дээс алхаж бөөн будлиан тарина. Шаньюйд захиа бичиж хүлээн авах өдрийг товлоно энээ тэрээ гэж биднийг хөөрхөн саатуулсан. манай их эзэн төрсөн эцгийг нь олзолж гавлаар нь чамин аяга хийлгэн харийн гийчдийг хүлээн авахдаа сонирхуулан гайхуулдаг болохоор чи тэгдэг биз. Гайгүй удахгүй Шаньюйн чинь үе залгамжлагчийн гавлаар аяга хийчихсэн байх вий. Тэвчих хэрэгтэй. Эзний бэлэг сэлтийг түргэхэн өгч шуудрахгүй бол энэ зэрлэг яаж ч мэднэ. Чи лав зүгээр ирээгүй. Амжих л юмсан. Хүннү хэлээр цэвэр ярьдгаа үзүүлж энэ муу Жукиг чадах юм шүү. Чи захиа бичиж үсэг бичигтэйгээ гайхуулдаг байхад хэлмэрчээр дамжуулан ярилцаж та нарын бодлоыг давхар ойлгож тандсан миний овсгоог мэдэж аваг" хэмээн бодлоо. Тэгснээ хий ханиалган олны анхаарлыг сая өөр дээрээ татаад,
- Үг олдож үхэр холдлоо хэмээн танайхан ярьдаг байх аа гэж цэвэр Хүннү хэлээр хэлэхэд Шаньюйгаас эхлээд бүгдээрээ гайхан бие бие рүүгээ харав. Жуки Гийгун элч тийш хяламхийснээ барьсан хултай айргаа өмнөх ширээн дээрээ зөөлөн тавиад,
- Та чинь манай хэлийг хэдийдээ сурчихдаг байна вэ? гээд тас тас хөхөрч амьд явахад мөн янз янзын юм үзэх бололтой гэхэд элч эгдүүцэн,
- Эрхэм Жуки! Та биднийг танайхны хэлдгээр саахалтын газар зогсоож Шаньюйтай уулзуулахгүй хэд хоног саатууллаа. Одоо Шаньюйн сонорт хүргэх үгийг хэлүүлэхгүй элдэвчилдэг чинь юуны учир билээ гэхэд ёслолын түшмэл элчийн үгийг өлгөн авч,
- Ёс журам гэж бий. Хөрш улсын элчийг хүндэтгэж үгийг нь сонсоё гэхэд эргэж буцашгүй будлианд орооцолдсоноо хожуу ухаарсан Шаньюй хүний өөрийнхөнд тал засах үгээ олж ядахдаа,
- Тайван байцгаа! гэж захирах гуйхыг хослуулан бувтнаад өмнөө байгаа тагштай сархдыг авч,
- Манай хөрш Юэчжийн эзэн элчээ илгээж бидний амар амгаланг эрсэнд таатай байна. Юэчжийн их эзэн урт удаан наслах болтугай гэхэд Таху, элч болон цөөн хэдэн хүн "болтугай" гэж Шаньюйг дэмжив.
Элчийг хүлээн авах ёслол үргэлжилсээр... Зарц, шивэгчингүүд хоол унд нааш цааш зөөж, том том модон хуланд айраг сөгнөнө. Элч ёслолын түшмэлд дохио өгөхөд,
- Шаньюй! Вангуудаа! болгооно уу? гэж ёслолын түшмэл олны анхаарлыг татаад, эрхэм элчийн үгийг гүйцээж сонсоё гэв.
Урд газрын хатуухан архи балгаж суусан элч аягатай архиа тавиад,
- Шаньюй! Миний бие өөрийн эзнийхээ мэндийг түрүүхэн таны сонорт хүргэсэн билээ. Манай Юэчжийн их эзэн таныг болон Яньжийг хүндэтгэн өөрийн адуун сүргээсээ мянган бээрийг сааталгүй туулдаг, танайханд тэнгэрийн хүлэг хэмээн алдаршсан хар ба цагаан зүсмийн хоёр хүлгийг бүрэн хэрэглэлтэйгээр гардуулж буйг хүлээн авч соёрхоно уу? гэхэд сая Шаньюйн нүд сэргэж, ихэд таашааж буй бололтой толгой дохив.
Элч өргөөн доторх хүмүүсийг тойруулан харж сонжоод,
- Шаньюй та болгоовол гадаа уяан дээр авчраад байгаа хүлгийн жолоог Яньжи та хоёрт гардуулъя гэхэд шаньюй "за" гээд өндийхөд бүгдээрээ дагаад бослоо.
Гадаа уяан дээр харь нутгийн ганган хивсээр тохшилсон үнэхээр гайхамшигт хоёр хүлэг тогтож ядан газар цавчлан байхуйд бүгдээрээ амаа ангайн уулга алдацгаав.
- Эдгээр сайхан хүлгийг аминаасаа илүү хамгаалан маллаж таны гарт жолоог нь шилжүүлсэндээ таатай байна хэмээн элч мэхийн ёслоод цулбуурыг нь Шаньюй, Яньжи хоёрт гардуулан,
- Наран саран ивээлт Шаньюй та, Яньжитайгаа эдгээр аргамаг хүлгээр дөрөө харшуулан жаргаж явахын ерөөл дэвшүүлье! гэхэд Шаньюй,
- Ийм сайхан хүлэг морьдоо ирүүлсэн Юэчжийн их эзэнд гялайлаа гэв. Зочломтгой, цагаан цайлган сэтгэлтэй Хүннү нар эрвийх дэрвийхээрээ хөдөлж, байгаа бүхнээ үзүүлэхийг хичээх ажгуу. Юэчжийнхэн ч бас энд сонин зүйл олныг үзжээ. Элчийг хүлээн авах ёслол дуусч өргөөнд Шаньюй, үе залгамжлагч Модун, Гийгун зэрэг цөөн тооны хэргэмтнүүд болон Юэчжийн элч үлдсэн байлаа.
- манай хоёр улс эв найртай байхыг ав адилхан хүсч ноднин харилцан тохирсон билээ гэж Юэчжийн элч дүнсгэр байлыг эвдэж ёозгүй хэлэхэд шаньюй,
- Хэлцэл, тохиролцоо бол хэвээрээ шүү дээ. Харин ч бид хил хаяандаа бөөгнөрөхгүй нутгийн гүнд ирчихээд байна. Тийм биз дээ таминь гэж дэмжлэг эрэх янзтай Гийгун Таху хоёрыг ээлжлэн харав.
- Бид Юэчжийн их эзэнтэй ямагт эв эеийг хичээж ирсэн. Миний эдлэн газар танайтай хаяа нийлж байдаг болохоор би мэдэхгүй бол хэн мэдэх билээ гэж Тахуг ая тал засахад дургүй нь хүрсэн Гийгун,
- Ер нь Юэчжийнхэн "Боохой борооноор" гэгчээр дандаа ашиг хонжоо хайж байдаг нь нууц биш гэхэд элчийн омог шатаж,
- Тэхдээ тулбал чи Жуки гэдгээрээ гул барьж, Шаньюйн ар хударгаар өдөөн хатгаж байдаг нь гайхал төрүүлдэг юм. Чи юунд дандаа хорсож байдаг хүн бэ? гэж Юэчжид олзлогдож амь эрсэдсэн эцгээр нь дайруулахад Гийгун ухасхийн боссоноо ёсыг хүндэтгэсэн ч юм уу буцаад лагхийн суув. Түүний уушиг зүрх цээжиндээ багтаж ядан байгаа бололтой байв.
Хэрэг бишдэх тийшээ хандсаныг ойлгосон Шаньюй,
- Жуки! Юуны урьд хэл амаа ололцъё. Хөрш улсын элч зардсыг хүндэтгэдэг ёс журмаа огоорч болохгүй хэмээн сургамжлах өнгөтэй дуугарахад Гийгун,
- Шаньюй! Ёс журам гэвэл, харь орны элчийг хүлээн авч хэлэх ярих үгээ хорин дөрвөн аймгийн вангуудын хуралдайгаар шийддэг бус уу?
- Тийм ээ!
- Тэгвэл яагаад Тахугаас өөр хүн энд ирээгүй байна? Энэ чинь юу гэгч болоод байна гэхэд,
Уг нь хуралдай хийе гэж бодож байлаа. Гэлээ ч болж өгсөнгүй. Ихэнх аймгийн ахлагч нар алс зайдуу нүүдэл хийж явна. Заримууд нь бүүр Орхон, Туулын хөндийд хүрсэн сурагтай. Тийм болохоор... гээд уртаар санаа алдав.
"... Хөөрхий урьдын шаньюй биш болжээ. Эхнэр хадам хоёртоо бурантаглуулсан хөгшин ат болоо шив дээ. Та ч төрийн хэрэг шийдэж чадахаас өнгөрч буй бололтой. Төрөлх газар шороогоо орхиж их нүүдэл хийхээр болоход би дургүй байсан ч эв эеийг хичээж араас чинь нүүж ирсэн билээ. Энэ мөчөөс бид хоёр эвдрэлцэж байх шиг байна. Би ч араншин муутай золиг доо. Гэхдээ харь хүний дэргэд эвдрэлцсэнээ үзүүлж шившгээ тарьж болохгүй.
Модун...Модун хөөрхий. Энэ жаал бид их итгэл өгч харж байгаа билээ. Хайран хүн. Юэчжийнхэн миний эцгийн гавлаар аяга хийчихсэн гайхуулдаг гэнэ билээ. Гайгүй ээ та нараас өшөөгөө авах цаг ирнэ" хэмээн Гийгун бодож суув.
Шөнө орой болж, тэнгэрт түг түмэн од анивчина. Хүннүчүүд их нүүдэл хийсэн тэр мөчөөс эхлэн шаньюйн өргөөний ойролцоо үдэш бүр нэгэн чоно байнга ульдаг болсныг хүмүүс янз янзаар тайлбарлана. Үдэш бүр ульдаг тэр амьтан энэ удаад их л омойтож гиншин улихад өргөөнд суугаа хүмүүс хирдхийв.


Top
   
PostPosted: Apr.16.15 9:16 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХУВЬ ТАВИЛАН
Шаньюйн үе залгамжлагчийг барьцаанд авч зорьсон хэргээ бүтээсэн Юэчжийн элч үүр шөнийн завсраар Түмэнгийн хүрээнээс ум хумгүй мордож юманд хөөгдсөн мэт довтолгосоор их говийг гатлан Алтайн уулын нэгэн сүрлэг хавцлын аманд орж ирээд сая санаа амарсан бололтой түр буудаллахыг тушаажээ.
Эгц цавчим элгэн хад бүхий уулыг хага зүсч тогтсон энэ хавцлаар Хүннүгийн өвөг дээдэс нааш цааш нүүдэллэн холхиж байсны гэрч болсон элдэв амьтны дүрсийг ханан хаданд сийлж, хавцлын дундуур умрыг чиглэн урсах жижиг гол, түүний хажуугаас цутгах бяцхан горхи хоёрын уулзварт дээд тэнгэрт одогсодыг онголон хөдөөлүүлсэн хөшөө бунхан олон байв.
Хос морьтой, хэдэн өдөр бараг дөрөө мултлалгүй шахам довтолгосон хүмүүс ихэд алжааж мориноосоо буунгуут хоржигнон урсах голын уснаас цангаагаа гаргаж, энд тэндгүй тэрийн хэвтэцгээж, заримууд нь бүүр хурхирч эхлэхүйд эмээлээ дэрлэн зэрэгцэн Модун Усун хоёр өөр өөрийн бодолд дарагдав.
"...Энэ хөгшин намайг гэсээр яваад хүний газар ясаа тавих нь бололтой. Та яваад яах нь вэ? гэсээр байхад зүтгэсээр байгаад хамт гарлаа. Амьд мэнд буцаж ирдэг хувь тавилан байдаг бол таны ачийг чадлынхаа хэрээр хариулж, жаргаахын дээдээр жаргаах юмсан. Гийгун ван бас надаас болж аавтай түнжин тасрах шиг болов. Усун ах бид хоёр хориогүй бол элчийн тас цавчиж, Таху гуайг тонилгох байлаа шүү" хэмээн бодож хэвтсэнээ,
- Ах, та сэрүүн байна уу? гэхэд Усун уртаар сүүрс алдаад
- Сэрүүн байна. Юу гээв?
- Аав намайг харь газар золиослож явуулахын оронд хилийн дээс сахиулахаар явуулчихгүй. Та юу гэж бодож байна вэ?
- Энэ бүхэн цаанаа учиртай юм шүү дээ. Уг нь чи явахгүй гээд л зүтгэсэн бол яаж ч чадахгүй л байсан.
- Тиймээ. Гэхдээ зүрхгүй амьтан энээ тэрээ гэгдэж явснаас манайхны хэлдгээр "Муу явахаар сайн үх" гэдгийг дагасан нь оносон уу үгүй юу бүү мэд гэв.
"...Энэ хөвгүүн бид хоёрын хувь тавилан яаж шүү дуусдаг юм бол доо хөөрхий. Чамайг хүний дайтай хүн болгох гэж Жуки бид хоёр мөн ч их зүтгэлээ. Энэ хэдхэн хоногт үс нь бууралтаж орхисныг бодвол шаналж яваагаас зайлав гэж үү" хэмээн Усун бодох зуур,
- Уг нь эр хүний санадаг санаа. Тэхдээ чи бол Шаньюйн үе залгамжлагч учраас цааш цаашдаа бодолгүй, гоомой шийд гаргаж хэрхэвч болохгүй. Чи бид хоёрыг юу хүлээж буйг хэн мэднэ... Тун болгоомжтой байх нь чухал. Чамд нэг айхтар зөрүүд зан бий шүү гээд Модунг хяламхийн харав.
Тэгснээ өндийж, ойролцоо погвойн суугаа бие хамгаалах баг цэргийн даргыг долоовор хуруугаараа зохиж дуудлаа. Элчийг хамгаалан хилийн дээс хүргэж өгөх үүрэгтэй гарсан Хүннүгийн баг цэргийн дарга, майга хөлтэй, намхан пагдгар эр год үсрэн босч ойртон ирэхэд Усун,
- Чи хоёр цэрэг аваад тэр хойт хадан хушууг тойрч айл байгаа эсхийг мэдээд ир. Энэ хавиар манайхны Тэлэнгид /Хүннүгийн хорин дөрвөн аймгийн нэг. Одоо ч ийм нэр үлджээ/ аймгийнхан нүүдэллэж явах учиртай гэхэд баг цэргийн дарга "За" гээд малилзаад явчихыг нь харвал сэтгэлд нийцсэн бололтой.
- Хэрэв айл амьтан ойр шиг байвал айраг, тараг олоод ир гэхэд нэлээд зайтай бяцхан хивс дэвсүүлээд хэвтэж байсан элч,
- Та наадахыгаа хааш нь явуулах гээд байна хэмээн Усунаас сэжиглэнгүй асуухад,
- Элчтэн санаа битгий зов. Ойр хавь айл байвал ороод идэх юм олоод ирэг гэв. Үд хол хэвийжээ. Эргэн тойрон нам гүм.
"...Энэ Хүннүчүүд юу ч хийж мэдэх зэрлэгүүд. Болгоомжтой байх нь чухал. Эргэн тойрон чив чимээгүй дүнсийгээд байдаг ч худлаа шүү. Модунг барьцаанд авсан мэдээ биднээс түрүүлж яваа. Эдний хэл мэдээ салхинаас түрүүлж хүрдэг нь үнэн... Мөн ч ядарч байна даа. Харьж нэг жаргах цаг бий дээ. Хамгийн гол нь энэ золигийн хүүг эзэнд эсэн мэнд хүргэж өгөх минь" хэмээн элчтэн бодоод яах ийхийн зуургүй морио эмээллэн мордож хатируулан одох гурван морьтны араас сэжиглэн харсаар хоцров.
Хөв хөх тэнгэрт биеэ сул хаян хөвөх мэт нисэн буй бүргэдийг ширтэж хэвтсэн Модун "...Энэ хүчирхэг шувуу шиг дураараа тэнэж явахсан" хэмээн мөрөөдөн бодсоноо Усунд хандаж,
- Жуки та хоёрын надад зааж сургасан эгц өндрөөс гэмтэлгүй үсэрч буух, сэлэмний нэг буулгалтаар дайсныг эмээлд нь хүртэл цуу цавчих, давхиан дундаа мөр мөшгөгчийн хоёр нүдний хооронд сум зоох аргуудыг хэрэглэх завшаан олдолгүй ингэж мунгинан яваадаа гутрах юм гэхэд цаадах нь ихэд цочиж юу болоод байна даа гэсэн янзтай Модунг удаан ширтэв. Тэгснээ,
- Чи цэрэг цуухын хэрэгт сайн суралцсан нь үнэн. Хүссэн юм хүзүүгээр татах гэж бий. Модун чи Юэчжийн энэ хэдийг цааш харуулчихаад замаа хайя гэж бодож байгаа юм биш биз дээ хэмээн сургамжлах, болгоомжлохыг сануулан шивнэхүйд,
- Үгүй. Зам зуураас зугатаж шившгээ тарихгүй. Би хожим хойчийн юм яриад байгаа ухаантай.
- Бас л Шаньюй, Тахуг л бодоо биз дээ?
- Тийм ээ.
- Модун минь, энэ яриаг эргэж иртэл орхиё.
- Та эргэж ирнэ гэж найдаж байна уу?
- Энэ бол чамаас л шалтгаална. Гоомой юм хийж ерөөсөө болохгүй. Юэчжийн эзний өмнө очих нь очно. Тийм болохоор тэдний сайн муу талыг байнга ажиглах хэрэгтэй. Хожим хэрэг болно. Зам зуур элчтэй болгоомжтой харьцах нь чухал гэснээ хушуу тойроод олон морьтон гарч ирэхийг хараад босов.
- Пөөх энэ чинь яасан олон хүн бэ гэж Модунг уулга алдахад Юэчжийн баг цэргийнхэн чөдөр тушаатай морьд руугаа паацганан гүйж, зарим нь нум сумаа зэхэв. Ирж яваа морьтонгуудыг ажиглаж зогссон Усун санаа амрав бололтой духныхаа хөлсийг шувтарснаа,
- Таминь ээ тэвдэх юмгүй. Энэ чинь манайхан байна. Хөтөлгөө моринд юм ганзагалсныг бодвол манийгаа нэг гялайлгах нь дээ гэв.
Юэчжийн элчийн айж зэвхийсэн царай хувирч сая санаа амрав бололтой "морь харахаар" хажуу дахь гөлгөр хар чулууны цаагуур ороход Хүннү цэргүүд бие биеэ нудран жуумалзав. Харийн хүн ч гэсэн ах захаа хүндэлдэг ёсоо бодсон Усун тэднийг хялайн харж,
- Мондинууд хүнээр тохуу хийх нь үү? Эдний юмнаас буулгалц гэв.
Сул захтай цэцгэн хээтэй цэнхэр торгон дээл өмсч, хүрэн товруутай зэс аралтай, өргөн сур бүс бүсэлсэн, ханхар цээжтэй маш нарийхан бэлхүүстэй, өндөр залуу мориноосоо бууж, хажуудаа байгаа хүнд цулбуураа өгөөд Модунгийн өмнө ирж баруун гараа зүрхэн тушаа барьж мэхийн ёслов.
Хүннү улсын зүүн гарын Жуки таны амар амгаланг айлтгая. Тэлэнгид аймгийн тэргүүн ван Зэстэлэнги таны мэдэлд шадар нөхөд, мянгат, зуутын дарга нартайгаа ирээд байна гээд Модунг ширтсэнээ дахин мэхийв.
- Та бүхэн тарган тавтай намаржиж байна уу гээд Модун Зэстэлэнгид ойртоход тэрбээр тэвэрч аваад далыг нь зөөлөн илснээ,
- Юэчжийн энэ дамшигуудыг энд нь учрыг нь олчих уу гэж шивнэхэд Модун,
- Хэрэггүй гээд алив таминь сууцгаая. Суугаад ярилцъя гэв. Зэстэлэнги Усунтай золгож хацраа өгч үнсүүлээд,
- Та нар юугаа хийж эргүү хурга шиг дороо эргэлдээд байна. Бушуул. Ширдэг дэвсч идээ цагаагаа өр гэж нөхдөдөө тушаахад хүмүүс авчирсан юмаа буулгаж бужигнав.
- Үгүй ингэхэд элчтэн маань хаана байна, гэж Зэстэлэнгийг асуухад Усун жуумалзах аядсанаа саяхан цэргийн хүүхдүүдийг "Ах захаа алдсан золигууд" хэмээн зэмлэснээ санаж царайгаа төв болгон, хажуугийн элгэн хаднаас тасран унасан гөлгөр хар чулуу руу хараа шидэхэд нэг хүний толгой шоволзоод алга болов.
- Элч маань та нарыг гараад ирэхээр жаахан бажигадаад... гээд Модун хоолойгоо засахад Зэстэлэнги инээд алдаж орхив.
Бас л элчийг тоглоом тохуу хийгээд буйг анзаарсан Усун, нөгөө хоёрыг харцаараа зэмлэхүйд тэд бүлх залгисан мэт гөлс хийгээд явчихыг Юэчжийн цэргүүд ажаад гайхаж заримууд нь "Энэ Хүннү нар нэг л ер бишийн хүмүүс юм даа. Шаньюйн үе залгамжлагч, томоохон овгийн ван нь хүртэл энгийн нэгэн цэргийн дарга хөгшнөөс эмээнэ. Манайд бол бөндгөрөөсөө амархан салчих зүйл эднийд тэс өөр байх юм" хэмээн бодож билээ.
- Хөөе! Та нар надаах юмаа зүлгэн дээр буулга. Бушуул гэж Зэстэлэнгт нөхдөө шавдууллаа.
Нэлээд мөч өнгөрсний дараа элчтэн чулууны цаанаас гарч ирэхэд Зэстэлэнги элчтэнгийн амар амгаланг эрж мэхийн ёслов.
... Алтайн их уулсын энэ хавцлын ар аманд, өвөг дээдсээ онголсон газар шороон дээрээ өөрийн үнэнч нөхдийн дунд сүүлчийн удаа нэгэн шөнийг бужигнан өнгөрүүлсэн Модун маргааш нь мордохдоо Зэстэлэнгид хандаж,
- Анд чамайг хэзээ ч мартахгүй. Чи эндээсээ буцах биз ээ. Хожим амар мэнд учран золгохыг ерөөл тавья гэхэд Зэстэлэнги
- Модун! Жуки минь! Чи заавал буцаж ирнэ. Би чамтай хамт их тулалдаан хийж байна гэж зүүдлэв. Миний зүүд, совин хоёр онодогийг би мэдсэн юм. Модун! Эндээс хилийн дээс тийм ч хол биш. Аажуухан шиг явбал хэдхэн өдөрчийн газар. Юэчжийн элчийг хил хүргэж өгсүгэй. Чи эндээ үлдэж их хэргийг эхэлбэл зөв бус уу гэхэд Модун духаа илснээ, Усун, Зэстэлэнги хоёрыг ээлжлэн харж хэсэг зуур дуугүй байв.
- Уг нь Зэстэлэнги вангийн айлддаг зүйтэй л юм шиг санагдана хэмээн Усун Тэлэнгид овгийн залуу ванг дэмжихэд Модун,
- Эцгийн өргөөнөөс зүрх зоригтой хүн болж гарчихаад замын хугасаас туулай мэт аюун зугатваас шившиг болох бус уу. Хүний, өөрийн дайсны доог болно. Тийм болохоор Юэчжийн газар барьцаанд одсоноороо одсу. Зэстэлэнги вантан, түүний баатар эрсүүдэд гялайлаа. Одоо таануус буцтугай. Хожим амар мэнд уулзахын ерөөл тавья гэхэд Зэстэлэнги тэргүүнээ гудайлган зогсов. Нилээд зайдуу байсан элчтэн тэдний байдлыг ажиглаад аягүй бол хэрэг бишдэж магадгүйг гадарлав бололтой,
- Модун минь! Хөдөлбөл яасан юм бэ хэмээн шаардах, гуйхыг хослуулан хэлэхүйд Модун Зэстэлэнгийн өгсөн аргамаг хүлгэнд яах ийхийн зуургүй мордоод Тэлэнгид овгийн дайчин эрст хандаж,
- Хүннүгийн хүчирхэг Тэлэнгид аймгийн тэргүүн Зэстэлэнги, түүний дайчин эрс та нарт туйлаас их баярлав гээд түрүүлэн одоход хэдэн зуун дайчин эрс толгой гудайлган харамсан хоцров.
... Хавцлыг туулахад бартаа ихтэй, бэрхшээлтэй учир бараг бүтэн өдрийг барж байж, нар шингэх үест Алтайн уулсын чанадахь нэгэн их говь руу гэнэт тонгойхуй, элчтэн ихэд алжаан ядарсан тул хоноглов.
Тэд аян замын хүнснээсээ хэрэглээд харуул гарган, чимх нойр авахаар хэвтэцгээв. Энэхэн хирийн газар байтугай хэдэн өртөө газрыг алжаалгүй давхин туулдаг удмын үрс болсон хойно Модун, Усун хоёр хэвтэнгүүт унтсангүй, өөр өөрийн бодолд дарагдан, үдшийн тэнгэрт анивчих оддыг ширтэн хэвтэнэ.
Арав гаруй жилийн тэртээ яргуй дэлгэрч, нялх ногоо цухуйсан хаврын нэг сайхан өдөр Шаньюйн яньжи гэв гэнэт өвдөн тэнгэрт хальж Модун бүсгүй дүүтэйгээ өнчин хоцорч билээ. Байнга цагаан шүдээ яралзуулан инээж явдаг, ээжийн нь гоо сайхан царай гэнэт хөхөрч ухаан алдаад сэхэлгүй өөд болсон тэр аюумшигт мөч Модунгийн санаанаас үл гарах агаад унтахаар хэвтэх бүрийд ээжийнх нь гэгээн дүр нүдэнд нь харагдана. Ээжийг нь өөд болоод жил ч болоогүй байхад эцэг нь залуу эхнэр авч, бас өнчин дүү нь үл мэдэгдэх шалтгаанаар насан эцэслэж, "Юу болов" гэхээр их дарамт бяцхан хүү дээр нэгэн зэрэг буусныг энэ агшинд бодож хэвтэв.
"Шөнийн тэнгэрт жирвэлзэх үй түмэн одод бол энэ хорвоогоос хальж одсон хүмүүсийн гал" хэмээн сонсож итгэсэн Модун уртаар санаа алдахуйд Усун,
- Чи чинь унтаагүй л байна уу? гэв.
- Үгүй ээ. Нойр хүрдэггүй "Өөрийн зон олны тусыг бодож хүү минь чи явах боллоо. Аав нь жаахан сэхээ авч байгаад их барьцаа өгч чамайг авна. Одоо хүнд байна" гэж Шаньюй хэлсэн билээ. Энэ үг аль хир үнэний хувьтай бол? гэхэд Усун,
- Ай мэдэхгүй. Тэнгэр удамтай Шаньюй хэлсэн болохоор мадаггүй баймаар. Үүнийг өөрөө бодож хэлсэн л байдаг байгаа даа.
- Өөрөө бодоо биз. Царай нь ихэд шаналсан шинжтэй байсан шүү.
- Ай хэн мэдлээ. Цаана нь хутгуурууд бишгүй л бий шүү дээ.
- Тийм ээ. Энэ талаар ярихаа больё гэж нэгэнт та хэлсэн болохоор... гэтэл Усун хоолойгоо засаад,
- Тиймээ. Гэхдээ чамайг сэтгэлээ битгий зовоогоосой гэсэндээ л...
Дахин чамд сануулахад залуудаж хөнгөдөж болохгүй. Өнөөдөр газар шороон дээрээ байхад аюул багатай байна. Маргааш нөгөөдрөөс тэс өөр хүмүүсийн дунд орно. Чамайг элэг барьсан, тохуурхсан, өдөөн хатгасан олон дайралт ирнэ. Тэр цагт зүсээ хувиргаж, тэнэг байдлын дүр үзүүлсэн ч буруудахгүй. Чи тэнэг байна аа гэснээр тэнэг болчихгүй. Хилийн дээс алхсан мөчөөс чи хүн биш болно. Чамтай хүний ёсоор харьцахгүй гэдгийг санагтун. Чи тэр мөчөөс Шаньюйн үе залгамжлагч гэдгээ март. Тэгэхдээ чи бол Хүннү улс мандаж бадрахын бэлэг тэмдэг хэвээр түмэн олныхоо зүрх сэтгэлд оршсоор байх юм шүү. Үүнийг Тэлэнгид аймгийнхан батлаа биз дээ. За ийм байна. Ахынхаа үгийг авах гээхээ сэтгэл зүрх чинь мэдтүгэй гээд буруу харж хэвтлээ. Хаа нэгтээ шөнийн явдалт араатанд бариулж амь тавьж буй амьтны дуу сонсогдох агаад сэтгэл хирдхийлгэнэ.
- Энэ хорвоод газар сайгүй, өдөр шөнөгүй тэмцэл явагдаж чадалтай нь дийлж, чадалгүй нь мөхөж байдаг ажээ. Нар тэмдгэрч эхлэв. Говь газрын бялзуухай ч нойрноосоо сэрж шинэ өдөр эхэлж буйг зарлан жиргэж эхлэв. Эл бялзуухайнууд цөлийн гайхамшигт дууч төдийгүй бусад шувуудын хорхойг хүргэж, тэдний дууг өөрийнхөө жиргэлтийн аялгуунд оруулж чадах гоц авъяастай юмсанжээ.
Аян замынхан эртлэн босоцгоож, энд тэнд өвс хазалж буй чөдөр тушаатай морьдоо барьцгаан мордож хавцлаас яах ийхийн зуургүй мултран говийн гүн рүү лавшран оров. Ногтруу шувууд сүрэг сүргээрээ дэрхийн нисч, хэд гурван хавтгай, хулан, тахь ойролцоо булаг шандаас умдаалаад морьтны бараанаар ийш тийшээ сүлжилдэн давхина. Энд уулс говь хоёр бие биенээ түшин ижилсэж хосгүй нэгэн цогцос болжээ. Ингэж хэдэн мянган жил айлсахдаа говь нь ууландаа, уул нь говьдоо үл давтагдах зураг үлдээсэн ажгуу.
Тэд уулын өмнөд талын цөлөрхөг налуу бэлийг хөндлөн туулж, хуурай гольдрилд нэг орж, нэг гарч баруун зүгт зүтгүүлсээр байв. Хааяа булаг шандны ойролцоо ганц хоёрхон айл тааралдах нь энэ газар шороо Хүннүгийнх гэсний тэмдэг дохио ажээ.
Мэн Тяны дарангуй цэрэг хилээ манаж хоцорсон ядмагхан айлуудыг хараад энэ чинь "зэрлэг"-үүдийн хилийн дээс юмаа гээ зогтуссан гэдэг.
Хэдхэн сарын өмнө Гийгун вангийн дайчин эрс Юэчжийн хилд цөмрөөд багагүй олзтой буцаж байсан тэр замаар Модун Усун хоёр Юэчжийн олз болон сөрж явлаа.
Аа яа хөөрхий, хүний хувь тавилаан гэж...


Top
   
PostPosted: Apr.17.15 12:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЮЭЧЖИЙН ГАЗАРТ
Юэчжийн Их ван Хийдолын өргөөнд харь улсын элч зардсыг хүлээн авах ёслол болж байлаа. Нилээд халамцсан Их ван,
- Манай их хөрш Хан улсын эрхэмсэг элч танд одоо нэг юм үзүүлнэ гээд нөгөө Модун хүүг дуудаад ир гэв. Юэчжийн их ван харь гүрний элч зардсыг хүлээн авах, найр хурим хийх болгондоо Модунг дуудан ирүүлж, эртэй сайндаа түүнийг олзлон барьж авсан юм шиг ихэд бардамнан зараалын мал адил нийтэд үзүүлэн гайхуулан бөлгөө. Удалгүй Модунг орж ирэхэд хүмүүсийн хараа түүн тийш чиглэв.
Хийдоль ван, Модунг туйлаас хүндэтгэж байгаагийн хуурамч дүр үзүүлэн өөрийн шадар түшмэдийн дэргэд суулган элдэвчилдэг зангаараа,
- Өө! Модун хүү ирэв үү. За дээшээ суу. Чи бол Хүннү улсын шаньюйн үе залгамжлагч учраас хүндтэй байранд суух ёстой. Энэ удаа... аа... магадгүй сүүлчийн удаа манай найранд сууж байгаа ч байж болзошгүй гээд Хан улсын элчид хандаж,
- Эрхэм элч танд сонордуулахад, бид Хүннү нарын... Шаньюйн үе залгамжлагч энэ хүүг ноднин ивээлдээ авсан юм. Шуудхан хэлчихэд хэрэв Хүннүгийн талаас хилийн дээс зөрчвөөс энэ хүүгийн хувь заяа шийдэгдэх учиртай гээд яах бол? гэсэн шиг Модунг ширтэхэд тэрбээр яавал яа гэсэн шиг өмнөх тавагтай махнаас огтлон зориуд дээш өргөж нэлээд гэдийсхийгээд ам руугаа хийж харагдав.
Омог нь шатсан Хийдоль ван,
- Модун! Ойлгов уу? гэхэд
- Та энэ тухай мөн ч олон хэлэн юм даа. Хэний хувь заяа яаж төгсөхийг гагцхүү тэнгэр л мэдэх биш үү хэмээн хэгжүүрхэхэд тэнд суусан Юэчжийнхний нүд орой дээрээ гарч нам гүм болов.
Юэчжийн вангийн доромжлол, тохуурхлыг байнга хүлээж, эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй дуугүй сууж байдаг байсан Модун энэ удаад ийм үг хэлж, хөрш их улсын элч зардасын өмнө шившиг болгоно чинээ ухаараагүй Хийдоль вангийн омог шатаж хусмал толгойтой улаан царай нь дэлбэ үсрэх нь үү гэлтэй мэнчийснээ харь улсын элч зардсын дэргэд бүүр нүдний булай болохоос цэрвэсхийж,
- Тийм ээ. Гэхдээ юу шүү дээ Модун! Тэнгэрийн элч газар дээр байдаг юм. Ухаандаа чи түүнийг ойлгосонгүй явжээ. Цинь /МЭӨ 221 онд Хятадын түүхэнд анх удаа байгуулагдсан нэгдсэн төр улс/ улсын эзэн... гээд элч рүү дэмжлэг аваад, Хуанди бид чинь тэнгэрийн элч юм шүү дээ хэмээн "ганц болгож өглөө гөлгийг" гэсэн янзтай эргэн тойрныг ажиглав. Модунгийн үгэнд балмагдсан хүмүүс сая сэхээ авч бүгд Ванг дэмжин толгой дохиж байлаа.
- Хүннүгийн Шаньюй ч дээд тэнгэрээс удамтай гэдгийг эрхэм вантан болгоох бие дээ гэж Модун хээв нэг хэлэхэд ван дороосоо чичүүлсэн юм шиг өндөсхийснээ лагхийн суув. Өргөөнд дахин нам гүм болов. Гагцхүү Цинь улсын элч юу ч сонсоогүй юм шиг ширээн дээрх тавагтай хоолноос ганц нэг савхдах зуур, "Ван чи Шаньюйн хүүг зальт аргаар барьцаанд авчихаад сүр бадруулан биднээс их юм горьдож сууна аа даа янз нь. Зэрлэгүүдийн хоншоорыг бид тас цохиж өгөөгүй бол өдийд чамайг хүмхийн тоос болгосон байх байсан. Одоо чи бидний тавьсан шаардлагаас мултрахгүй" хэмээн баясан бодож сууснаа,
- Их вантан! Ингэхэд Хүннү нар танай хилийн ойролцоо бөөгнөрөөд буй гэлцэх юм. Та энэ талаар сонордоо биз дээ гэхэд вангийн уур жаахан намсаж,
- Энэ тухай өнөөдөр баттай мэдээ авсан. Шаньюйн дэргэд манай найдвартай хүн байдаг юм. Өнөөдөр бидний дунд Хүннүгийн хоёрхон хүн байгаа тул энэ нууцыг хэлчихье. Үүнийг сонссон хоёр хүний нэг нь энэ Модуны багш хөгшин юм. Миний саяны хэлсэн нууцыг энэ хоёр хүн гээд... яах бол гэсэн янзтай Модун тийш хялайн харснаа
- Энэ хоёр задлахгүй үүрд хадгалан энд мөнхөрнө гэдэгт дүүрэн итгэж байгаа гэснээ өмнөө байгаа цомбогордуу хэлбэртэй, мөнгөн аягатай архийг авч Модунд өгч,
- Май, энэ архийг уучих гээд өгөхөд сархад бараг хэрэглэж үзээгүй Модун нэг амьсгаагаар ууж орхиход бүгдээрээ ихэд гайхав. Хийдоль ван Модунг ширтэж байснаа,
- Чи наад аягаа сайн харж ав. Энэ бол танай улсын баруун гарын жуки, чиний багш Гийгун вангийн эцгийн гавлаар хийсэн юм гэхэд Модун,
- Сурч авмаар зүйл байна шүү гэв.
- "...Чи өнөөдөр юу болчихоод байна муу гөлөг. Чиний бөндгөрийг өнхрүүлэх цаг ойртсон. Тэхдээ чиний энэ хэгжүүн толгойг авахын өмнө нэлээд зовоох болно. Гайгүй тэгэхэд чиний аль хэр зүрхтэйгий чинь харамз. Одоо хэлэх үгэнд чиний зэрлэг омог дарагдана" хэмээн ван бодсоноо,
- Хөөрхий тэр баатар эр нэг тулалдаанд надад олзлогдсон юм. Тэгээд л энэ аягыг надад хайрласан даа зайлуул. Эр нөхрөө олзлогдсоныг дуулаад муу эхнэр нь солиорч үхсэн юм гэнэ билээ. Модун чи энэ тухай сонссон биз гэхэд,
- Сонсохоор барах уу. Харин тэр эрхэм хүн шархдаад ухаангүй хэвтэж байгаад олзлогдсон гэдэг юм гэхэд Хийдоль ван тачигнатал хөхрөв. Үлбийж суусан ордныхон ч учрыг нь олоогүй мөртлөө эзнээ зулгуйдан хөхрөлдөв. Тэгснээ ван,
- Юутай ч болов би түүнийг олзолсон юм. Гийгун эцгийнхээ өшөөг авна гээд манай хилийн дээсийг нэг биш удаа алхсан боловч хөөрхийлөлтэй болоод буцаж билээ. Харин энэ жилээс үзэгдэхээ болив. Тэр зулбадас бас муу санаатай. Одоо хилийн дээс алхвал шавийг нь ... гээд Модунг ширтсэнээ,
- Шавийнх нь бөндгөр өнгөрнө гэдгийг мэдэж байгаа. Гийгуны эцэг Хүннүгийн баруун гарын Жуки, тэгээд ч удамт хүн байсан учир хүндэтгэж гавлыг нь мөнгөлж аяга болгосон юм. Эрхэм элчтэн үзнэ үү? гээд Хан улсын элчид аягыг өгөв. Тэгснээ,
- Миний түншийн мэдээлснээр Хүннү удахгүй хилийн дээс зөрчих бололтой. Тэр үед Шаньюйн үе залгамжлагчийн толгой өнхөрнө. Үүнийг Хүннүгээр "толгой донж" гэх нь ихэд оносон үг бололтой. Тэгээд Модун чи жирийн хүн биш, чиний хэлдгээр "Тэнгэр удамтай Шаньюйн үе залгамжлагч" учраас чиний гавлыг мөнгөөр биш бүр алтаар бүрнэ гэхэд өргөөнд доторх хүмүүс хирдхийж, зарим залуухан бүсгүйчүүд Модунг өрөвдөж буй бололтой уулган алдав. Вангийн зочны өргөөнд ийм үйл явдал болж байхад Модунгийн амьдардаг бяцхан байранд нууцхан яриа өрнөж байв. Вангийн бие хамгаалах цэргийн ахлагч хэсэг хүмүүсийн хамт орж ирээд "Модунг найранд ирэхийг шаардаж байна" хэмээн дагуулаад гарснаас хойш Усуны сэтгэл нь гэгэлзэн, тогтож ядаж байтал жижигхэн цагаан зарц бүсгүй гэнэт орж ирээд:
- Та амарч хэвтэхгүй яагаав? гэж Хүннү хэлээр шууд асуухад нь Усун ихэд гайхан балмагдаж "Гайхалтай юм, энэ хүүхэн чинь яахаараа манай хэлийг ингэж сайн мэддэг байна. Жил гаруй болоход нэг ч удаа үг хэлдэггүй байсан биш билүү. Яадаг билээ" хэмээн бодож байлаа. Тэгээд тэр бүсгүйг нүд цавчилгүй харж байснаа,
- Үгүй ингэхэд... чи чинь... гэхэд бүсгүй долоовор хуруугаа уруулдаа хүргэж, аяархан яриарай гэхэд Усун
- Охин минь! Ах нь бүр учрыг олохоо болилоо хэмээн шивнэв. Нөгөөх бүсгүй ялимгүй мушилзан инээгээд гарч одсоноо төдөлгүй орж ирээд
- Ашгүй ойр хавь харуул алга. Модунг найранд очсон болохоор энд хөл хөдөлгөөн цөөрсөн бололтой. За ах минь олон юм асуулгүй сонсож бай. Цаг мөч бага байна гэхэд Усун,
- Үгүй охин минь чи чинь хаанахын хэний үр байна аа? Урьдаар ахдаа нэр ус, удам угсаагаа хэлэх арга байна уу? гэхэд,
- Олзлогдож ирээд нилээд хэдэн жил боллоо. Та дахин өөр юм бүү асуу. Тэд ингээд эхлэхээрээ үүр цайтал наргидаг улс шүү дээ. Удахгүй манайхан Юэчжийн хилд довтлох юм байна гэхэд Усун,
- Ингэхэд чи хаанаас сонсдог байна вэ? гэж сэжиглэнгүй асуувал,
- Та надад итгэхгүй байх шиг байна. Аргагүй биз ээ. Би ийм юм ярихдаа амь дүйж яваа болохыг та юун эс андах вэ. Төрөлх улсад минь хэрэг болох болов уу гэж бодсон юм. Та өөрөө мэд гэхэд нь Усун босч охиныг тэврэн духан дээр нь үнсээд,
- Зөнөг намайг өршөө охин минь. Ах нь хар амиа бодсондоо ингэсэнгүй. Улс орны минь хувь заяаг шийдэх тэр хүний төлөө л ингэж мунгинав. Охин минь ах нь сонсоё гэв. Бүсгүй дахин гүйж гарснаа орж ирээд,
- Вангийн хүргэн, охин хоёрын ижилхэн бор морьд өргөөний баруун хойно бэлэн байна билээ. Түүнийг хоёр агтач байнга харж байдаг юм. Оройноос хойш ээлжлэн өргөө хавиар эргэлдэн нэлээд халамцсан бололтой байсан. Энэ харанхуй шөнийг далимдуулан тэр хоёрт удаан нойрсох сархад өгөхийг би мэдэмз гэхэд Усун,
- Охин минь бид хоёр чамд гай болоод яах вэ гэв.
- Надад гай болох эсэхийг би мэдъе. Та хоёр яаравчлахгүй бол хожимдож болзошгүй. Харин Модунд яаж хэл хүргэх билээ? Би уг нь өнөө өглөө хэлэх гээд чадаагүй юм гэхэд
- Найр хавтгайрах үед Модун гарч ирэх ёстой. Тэр мөчийг ашиглаж болно. Ингэхэд охин минь чи яах вэ?
- Та санаагаа бүү зовоо. Та нарыг мордон зугтах үед би вангийн өргөөнд байж таарна. За түргэлж үз. Би хэлдгээ хэллээ гээд год үсрэн гарч одлоо.
"Үгүй ээ мөн сонин юм болж байна даа. Шинэ сарын билэгтэй энэ өдөр тэнгэр биднийгээ аварч байгаа юм болов уу. За байз гарч өргөө хавиар эргэлддэг юм билүү. Сүүлийн үед эднийхэн зөнөг намайг бараг тоохоо больсон бололтой. Модунг ч гэсэн солиотой хэмээн ойлгоцгоосон юм уу харуул хамгаалалт нь суларсан даг шүү. Дээд тэнгэр минь, сүнс сүлд минь өршөө" гэхчлэнгээр бодолд дарагдан суутал харуулын нэг халамцуу цэрэг орж ирэв. Тэрбээр,
- Танд балгачих юм байна уу гэхэд Усун цааш эргэж жижигхэн ваартай архи гарган,
- Май үүнийг чи аваад яв. Найр дуусах болж байна уу гэв.
- Ид дундаа явж байна. Харин Модун нэлээд согтсон байдаг шүү гэхэд нь Усун,
- Эрхэм дүү минь! Ахын чинь бие чилээрхүү байгааг чи мэднэ. Модунд хэл хүргээтэх арга байна уу?
- Бололгүй яахав. Би орж гарч байгаа юм чинь. Тэгээд ч та хоёрыг хамгаалдаг үүрэгтэй юм чинь. Хоёулаа хамт гарсу.
- Тэгье. Тэгье!
Харин чи зөвхөн Модунд л хэлнэ шүү. Тэгэхгүй бол найр үйлмүүлсэн хэрэгт холбогдон бишдэж мэднэ гэж Усунг болгоомжлоход,
- За тэрнийгээ би мэдэлгүй дээ. Алив явъя. Харин та жаахан зайдуу байхгүй бол болохгүй.
- Тэгэхгүй яахав. Ах нь Модунг архи бага уу! гэж загнахгүй бол сэтгэл амар хэвтэж чадахгүй нь:
- Ёстой, ёстой. Вангийн өргөөнд ч архи ёстой далай шиг байна билээ. Харуулын бид чинь тэр сайхан идээнээс хүртэж чадахгүй юм байна шүү дээ. Орж гарахад та балга тагш юм өгдөг болохоор л хүрээд ирлээ.
- Тэгэлгүй яахав. Алив түргэлье. Цаадах чинь архи уудаггүй болохоор мал болтлоо согтож магадгүй! гээд өндийв.
Гадаа тас харанхуй байв...


Top
   
PostPosted: Apr.17.15 2:40 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХАЧИН ЯРИА
Хүннүгийнхний түрүүч их нүүдэл хийж Орхон, Онги, Сэлэнгэ, Туул, Онон, Хэрлэн голуудын хөндийгөөр тарж өвөлжөөд хавартай золгов.
Аян замын дундаас Шаньюйн үе залгамжлагч Модунг Юэчжид барьцаанд өгсөн хар хэрэг олон түмний сэтгэлд битүүлэг гутрал болж, гүрэн улстай холбоотой муу үйл гарах болгонд холбон үзэж байв. Аймгийн вангууд Шаньюйг бараг тоохоо больж, өвөр хоорондоо сөргөлдөх болов. "Модун аль хэдийнээ алагджээ. Түмэнгийн отгон хүү Өбүн үе залгамжлагч-зүүн гарын Жукигээр өргөмжлөгдөх гэж байна" гэсэн цуу үг амнаас ам дамжиж, Хүннүгийн хорин дөрвөн аймгийн вангуудын дунд хагарал гарах нэн уршигтай мөч ойртож ирээд байв.
Шаньюй цагаан сарын дараа хурилдай хийлгэхээр зарласан боловч ихэнх вангууд "Морь мал туранхай учир очиж чадахгүй нь", "Зуны дэлгэр цаг болохыг хүлээвэл яасан юм бэ", "Хил хязгаар тайван биш байна" гэхчилэнгээр цааргалсан хариу ирүүлжээ. Ийнхүү аадрын бараан үүл ойртсоор авай. Хаврын шөнийн тэнгэрт үй түмэн одод анивчиж, эргэн тойрон нам гүм.
Түнэр харанхуй энэ шөнө хоёр морьтой хүн хилийн дээс алхан зүүн чигийг баримжаалан гэлдэрч явав. Гэнэт баруун талын өндөрлөгийн оройд тэнгэрт хадсан улаан гал оволзон асахад,
- Усун ах аа! Энэ юун гал вэ? Өнөөх дохионы түүдгээ асааж байгаа юм болов уу гэхэд,
- Тиймээ. Манайхан Юэчжийн хилийг зөрчжээ. Модун минь сайн санаат бүсгүйн ачаар энэ түүдэг галаас өмнө амжиж гарчээ гээд мориныхоо жолоог татан нөгөөх галыг харж зогсов. Хэдхэн хормын дараа, дараагийн түүдэг авч "Хүннүчүүд дайрлаа" гэсэн дохио Юэчжийн эзний ордон тийш саадгүй довтолгов. Гэвч хожимджээ.
- Модун минь, чиний толгойг залгих ёстой байсан галт могой шүү дээ. За харав уу? Бас дараагийн түүдэг аслаа гэхэд,
- Үүнийг хэн хийгээд байна вэ? Аав л биз дээ?
- Мэдэхгүй юм даа. Шаньюй санаачлаагүй болов уу. Тэхдээ ийм чухал хэрэг Шаньюйд сонсогдохгүй баймааргүй. Таху гэж нэг золиг л хутгаад байгаагаас гарав гэж үү гэхэд дараа дараалан асч буй түүдгийг гайхан харж байсан Модун,
- Мөн ч хачин юм даа гэхэд Усун,
- Хачин юм ч их тохиолдоно шүү гээд мориныхоо жолоог нутгийн зүг залахад Модунгийн унасан хүлэг даган эргэв. Сайн хүлгийн хүчинд үүр тэмдэгрэх үед Алтайн өврийн говийг туулж тунгалаг уст нэгэн их голын хөндийд орж ирээд түр амсхийв.
- За даа! Муу ах чинь чамд байнга бараа болж явдаг хөг нь өнгөрч буй дэгээ хэмээн Усун дөрөө мултлахуйд,
- Та юу ярина вэ? Таны нас сүүдэр ч гайгүй байна шүү дээ гэхэд,
- "Ээ цэс" гэснээ ямар ч гэсэн чамтай хамт хүрдэг газраа хүрвэл гүйцээ. Цааш юу болвол болог. Ингэхэд хүн амьтнаас дөлж явбал аминд өлзийтэй шүү.
- Тийм ээ. Энэ хил хязгаар хавьцаа Таху гуайн сүлбээтнүүд байгаагаас зайлав гэж үү. Усун ахаа! Шил даран асч буй энэ түүдэг дохио хэдийд Юэчжийн эзэнд хүрдэг бол?
- Энэ амархан. Анхан түүдэг ассанаас хойш чи бид хоёр энэ их бартаан дунд будилж хагас өдөрчийн газар явж чадаагүй байхад дохио хүрчихсэн байх шүү дээ.
- Тийм хурдан хүрчихнэ гэж үү.
- Тийм ээ. Нэг захаас нь нөгөө захад нь хүрэхэд бараг жилийн тал явдаг нутагтай манайхан л энэ дохиог анх сэдсэн юм.
- Жуки та хоёр надад ярьдаг байсан. Би төдийлөн ойшоогоогүй явжээ. Хүн насан турш сурдаг гэж та хоёр хэлдэг үг одоо л орой руу маань орж байна. Мунхаг хүний ухаан үдээс хойш гэдэг энэ бололтой.
- Тийм биш. Модун минь. Чи бол ухаантай хэрсүү хүн. Гэхдээ балчирдаж, хөнгөдөж анзаарга алдаж байсны гэрч. Чи одоо юм үзэж нүд тайллаа. Инээсэн бүхэн нөхөр байдаггүйг ойлголоо. Чамаас ганцхан зүйл гуймаар байна.
- Би чадах юм болов уу даа?
- Чадах ёстой. Өшөө авах тухай чи ярьж байсан.
- Тийм ээ!
- Тэхлээр өшөө авч буй нь энээ тэрээ гэж болчимгүйтэж болохгүй гэдгийг л гуймаар байна гэхэд Модун уртаар санаа алдсанаа за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй дүйвүүлж,
- Усун ах аа, үүр тэмдэгрэх дөхөж байна. Мордох уу даа гэлээ... Хүннү нарын газар нутаг дээр Шаньюйгаас өөр хүнд тэр болгон байдаггүй, өдөрт мянган бээрийг сааталгүй туулж чаддаг, тэгээд "Тэнгэрийн хүлэг" хэмээн алдаршсан морьтой хоёр хүн Хангайн сүрлэг уулсын нэгэн даваан дээр гарч ирэхүйд дуниартан хөхрөх хөндий нүдний өмнө зураг мэт гайхалтайяа харагдав. Энэ бол Орхон голын эх сав газар байлаа. Мөнгөн дуулгат Отгонтэнгэр тэртээ баруун хойно олон хүүхдээр хүрээлүүлсэн өвгөн хүн шиг лүглийн харагдах нь гайхмаар, бас ч сүрдмээр...
Аян замын хоёр мориноосоо бууж түр амсхийв. Давааны хойт энгэрээр яргуйны хэдэн гөрөөс гарч ирснээ үнэр авсан юм уу, огцом эргээд ой руу орчихов. Бүртийх ч үүлгүй хөх тэнгэрийн мандалд хэд хэдэн том хар шувууд жигүүрээ сул хаяж хөвж буй мэт агаад сэтгэлд нэгийг бодогдуулан гуниг төрүүлнэ.
- Усун ахаа, одоо бидэнд хэн ч аюул учруулж чадахгүй байхаа гэж хөх тэнгэрт халин нисэх шувууг харж хэвтсэн Модунг асуухад,
- Одоо гайгүй биз. Гэхдээ болгоомжтой байх нь илүүдэхгүй шүү.
- Тийм ээ. Та надаас нэг зүйл гуйсан байх аа? гэхэд,
"Юу билээ" гэж бодлогоширсноо, - Аа золиг, чамайг нэг их тоомжиргүй байхаар чинь мартаж орхиж. Өшөө авахыг хэлж байна уу?
- Тийм ээ.
- Ингэхэд чи миний гуйлтыг зөвшөөрөх тийшээ байна уу?
- Юу л даа... Би өшөө авах хүнээсээ авна. Харин... гээд хэсэг дуугүй болсноо,
- Харин аавтай бол өөрөөр хэлцэх бодолтой гэхэд Усун үгийг нь тасалж,
- Модун минь! Дүү минь! Төрсөн эцэгтээ тэрсэлж болохгүй. Түмэнд түмэн буруу бий ч тэрбээр улсын Шаньюй тэгээд эцэг чинь шүү!
- Тийм ээ. Эцэг минь билээ. Гэхдээ өөрөө дээд тэнгэрийн өмнө буруутай. Үүнийхээ төлөө цээрлэл хүлээх ёстой. Тэнгэрийн өмнө Шаньюй ч бай хоньчин ч бай ав адил цээрлэл хүлээх ёстой. Тэхгүйгээр гүрэн улс оршин тогнож чадахгүй. Тэнгэр язгууртай ч тэнэг үйл хийгээд байвал хэн үгийг нь тоох вэ? Хэн ч тоохгүй гээд огцом өндийв.
"Энэ хүү нэг юм дуулгана шүү" хэмээн Усун бодоод,
- Ай мэдэхгүй хөөрхий. Надад сайхан сонсогдохгүй л байна шүү гэв.
Модун хөхрөн униартах хөндий рүү хараа шидээд санаа алдан,
- Жуки та хоёр намайг шударга байгаарай гэж дандаа захидаг байсан. Тэгээд энэ улс гүрнийг мөхлийн ирмэгт аваачсан хүмүүсийн ёсон бус явдлыг зүгээр өнгөрөөвөл зон олон юу гэх вэ? Газар шороогоо хэн хамгаалах вэ? Тийм биз дээ гэв.
"Энэ хүү ч өөрийн замаар нэгэнт оржээ. Тэнгэр минь өршөө" хэмээн бодож суусан Усун хэлэх үгээ олж ядан дэмий л хоолойгоо засаад,
- Хөдөлж үзье. Шаньюйн өргөө хүрэхэд лав нэг өдөрчийн газар бий дэг ээ гээд дүйвүүлэгчээ аядлаа.
"...Аав шиг нэгэн биеийн жаргал хөөж гүрэн улсаа балладаг хүн байдаг болов уу. Одоохондоо эв эеийг хичээх нь чухал. Энэ Усун ах аавыг өмөөрөх аятай шүү. Аргагүй биз ээ. Андууд байсан юм чинь. Аавын нэр сүрийг барьж бузар хэрэг үйлдсээр байгаа Таху вангийнхан намайг аль хэдийнээ мажийсанд тооцож ил гашуудан далд инээж буй биз. Цаг нь болохоор хорт үндсийг чинь таслах болно" хэмээн бодож явсан Модун,
- Аав намайг үзээд юу гэх бол. Та юу бодож байна даа гэж сонжиж аястай асуухад,
- Аа мэдэхгүй гэснээ мэдэхгүй ч гэж дээ, баярлах байлгүй. Үхэвч үр харам гэдэг дээ гэв.
- Би ч очингуутаа ааваас өөрийн эдлэн газраа заалган авч явах болно. Шаньюйн өргөөнд нэг ч хонохгүй! гээд Усунг юу гэх бол гэсэн янзтай харав.
- За даа Модун минь, ах нь юу гэх билээ. Чи чинь Шаньюйн үе залгамжлагч, зүүн гарын Жуки хүн шүү дээ. Тийм болохоор өргөө хавьцаа байж хуралдай энэ тэрд суух байлгүй дээ гээд морио давирав. Тэр хоёрын унасан морьд хэдийгээр мянган бээрийг сааталгүй туулдаг гайхамшигт хүлэг боловч олон хоног зүтгүүлснээс тарга тэвээргээ алдан нүднээс гарах шинжтэй болсон байв.
- Та бид хоёрыг тэр холоос сааталгүй хөл залгуулж ирсэн энэ сайхан хүлэг морьд маань ч тамирдаж явах нь шиг байна даа гээд Модун уртаар санаа алдахад,
- Тиймээ. Муу ах чинь эдгээрээс дээрдэх юмгүй л явна шүү. Энэ их асга хад болсон хөндийг уруудаад л айлтай учирна гэж өчигдөр чи бид хоёрыг даваа өөд дөхүүлж өгсөн хархүү хэлсэн байхаа?
- Уг нь тэгж хэлсэн. Айлын бараа харж борцтой шөл уусан шиг ганц хоног тааваараа байх мөч ойртсон баймаар даа. Нохой хуцаад байх чинь гэхэд,
- Залуу хүний чих сайхан юм аа. Хөгшин ах нь нэг айлд үлдэхээс. Цааш явж чадахгүй нь бололтой гэхчилэн ярилцаж явсаар нэг хошуу тойртол хаваржаандаа буусан бололтой хоёр гэр харагдав.


Top
   
PostPosted: Apr.17.15 3:12 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
Энэ уншаагүй ном байх чинь . Баярлалаа


Top
   
PostPosted: Apr.17.15 4:02 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ШАНЬЮЙН ТАМАГ /Онцгой эрх дархтаны малгайд хаддаг тэмдэг/
Их нүүдэл болж, зон олон дээр дооргүй самгардан бужигнаж байсан энэ үед хүүгээ Юэчжийн газарт барьцаанд явуулсан Түмэн шаньюй сэтгэлийн хямралд автан өргөөндөө тогтож суухаа больсныг хүмүүс дор бүрийдээ янз янзаар ойлгож шивэр авир гэх болсон билээ. Тэрбээр хэдхэн хоногийн дотор шалдаа бууж, хий нь гарсан гүзээг санагдуулам хөөрхийлөлтэй харагдах болсон агаад алхах гишгэх нь хүртэл удаашран гүрэн улсын толгойлогчийн дүр төрхөө алдсан будлиу нэгэн эр болж хувирсан аж.
Харин өнгөрсөн намрын сэрүүн цагт ойр шадар зарим нөхөд нь ав хомрого сэргээн явуулж, Шаньюйг бараг хүчээр оролцуулснаас хойш жаахан сэргэж, хацар нь ягааран, бөхөж байсан нүдний нь гал ялимгүй боловч сэргэсэнд Тахугийнханд магнайгаа хагартал баярлаж билээ.
Сэтгэлд нь өргөс болсон Модунг харь газрынхны гараар үгүй хийх ухаанаа Тахугийнхан олсон байв. Өвлийн адаг сарын хуучдаар өөрийн хамаатан зуутын захирагч нэгэн хүнээр ахлуулсан цэргийг Юэчжийн хил тийш өдөөн хатгуулахаар нууцаар илгээж өдгөө хариу хүлээцгээж байв.
...Нялх ногоо цухуйж, хөх униар татсан нэгэн өдөр Шаньюй Яньжи хоёр өргөөндөө ойр зуурын яриа дэлгэж суутал Таху ярагласаар орж ирээд тэр хоёрыг ээлжлэн харснаа өргөөний баруун талд дээхнүүр суунгуут,
- Шаньюй та мэдээгүй байх аа даа... гэхэд Түмэн бас л юу болоотохоо вэ гэсэн янзтай хадмыгаа ёозгүй харав. Цаадах нь ер айн эмээсэн шинжгүйгээр,
- Танд хэлж амжаагүй нэг жижигхэн зүйл байгаа юм гээд хөлс дааварласан хөх нүүрээ ханцуйгаараа шудрав.
- Уг нь Хүннү улсад болж байгаа том жижиг явдлыг би мэдэж байх учиртай сан биш билүү гэж Шаньюйг аяс муутай дуугарахад Таху,
- Тийм л дээ. Гэхдээ таныг чилээхээс болгоомжилж, аар саархан явдлыг заавал танд сонсгохгүй байсан нь дээр гэсэндээ л... гээд гомдогчийн дүр үзүүлэхүйд эх нөхөр, эцэг хоёрыгоо холбох гэж зүдэрч яваа яньжи Саруна хошуу нэмж,
- Ааваа, Шаньюй их бага гэлгүйгээр өөртөө хэлж бай гэж байна шүү дээ гэж мөн л хуурмаг, ая тал засав. Түмэн эхнэрийнхээ энэ байдалд зөөлрөөд,
- Таху ван, та юун тухай ярих гэсэн юм бол. Ярь л даа гэв. "Өдийд чиний муу зулбасга Юэчжийн шороонд булагдаа вий. Бас чи их гомдомтгой болж. Гайгүй ээ. Өбүн маань Хүннү улсын Шаньюйгаар өргөмжлөгдөх цаг тийм ч хол биш. Тэр цагт... Тэр цагт..." хэмээн энэхэн зуур бодож суусан Таху,
- Юэчжийн хил залгаа орших манай аймгийн нэг ноёноос надад хэл ирүүлжээ гэхэд Түмэн ихэд цочиж,
- Ямар мэдээ? Хүүгийн минь, Модунгийн минь тухай юу... гээд Таху, Саруна хоёрыг ээлжлэн харав.
- Үгүй ээ. Үгүй ч гэж дээ Модунтай холбоотой гэх үү дээ хэмээн Тахуг үгээ зөөж ядахад,
- Тэгээд юу болоо вэ?
- Тодорхойгүй байна. Тэхдээ Модун хүүгийн хувьд аюул тулгарсан болов уу гэхэд Түмэн "Ээ чааваас" гэснээ толгойгоо гудайлгав. Өргөө дотор нам гүм болов. Хэдэн хормын дараа Таху,
- Өнгөрөгч намраас Юэчжийнхэн хилийн дээс зөрчих болов гэж би танд хэлж байсан даа гэхэд газар ширтэн алмайрч суусан Шаньюй толгой дохив.
- Тэд гэнэт дайраад ороод ирвэл сүйд болно гэж бодоод нэлээд хашир хүнээр толгойлуулсан нэмэгдэл цэрэг хилийн отог тийш цагаан сарын өмнөхөн явуулсан юм. Үүнийг л би танд хэлж амжсангүй гэхэд Шаньюй,
- Энэ чинь тийм бага зүйл биш шүү. Хүү маань барьцаанд байгаа цагт Юэчжийнхэн хилийн дээс зөрчих учиргүй сэн... Эндээс явуулсан ноён гэдэг чинь тэгээд аль хир найдвартай хүн бэ? Будлиан самуун тарьчих хүн биш биз? гэж сэжиглэнгүй асуугаад Тахуг ширтэхэд тэрбээр ханцуйгаараа хөлсөө дахин арчаад,
- Манай талаас будлиан тарихгүй гэдэгт би итгэнэ. Явуулсан хүн маань манай хөгшний хамаатан юм шүү дээ.
- Аа тийм үү. Уг нь хил тийш цэрэг явуулахдаа надад хэлэхгүй дээ гэж Шаньюй зөөлрөв.
Эгзэгтэй мөчийг олж бодлоо шургуулж чаддаг увьдасыг төгс эзэмшсэн Таху,
- Та ноднин вангуудад өгч байх тамаг хийлгэхсэн гэж ярьж байснаа даа?
- Тийм ээ.
- Би Хүрэлдэй ванг гуйж үүнийг хийлгэлээ гээд "Тамаг"-ийг өврөөсөө гаргаж Шаньюйд өгөв.
Маш нимгэн дугираг алтан дээр товойлгосон бүлтгэр нүдтэй, үрчгэр нүүртэй, өргөн хөмсөгтэй, шонтгор хацартай, умгардуу уруултай хүн өөдөөс гайхан ширтэж ахуйд Шаньюй,
- Энэ чинь тэгээд хэн болж байна?
- Угтаа таныг л дүрсэлж буй нь энэ. Таныг арай залуу байхад хийлгэдэг байж хэмээн Тахуг хариулж ядан байхад Саруна,
- Алив гээд Шаньюйгаас авч харснаа тас тас хөхрөхөд Шаньюй ч даган инээмсэглэв. Тэгснээ Түмэн,
- Хүн өтлөх гэж хэцүү юм аа даа. Би ч арай ч ийм эр яваагүй санагдана гэхэд Таху,
- Хүрэлдэй ч адтай золиг шүү. Ноднин таны лагшин тааруухан байхад ирэхдээ харснаараа л хийчихсэн байна. Ямар вэ гэв. Саруна,
- Шаньюй та юу бодож байна гэж өдөх булзааруулах хоёрын хооронд асуув.
- Яахав дээ. Хүрэлдэй вантанг бишрэхээс өөр аргагүй. Ингэхэд би ч яахав байдгаараа л байгаа биз. Үүнийг ямар билэгдэл бодож хийлгэсэн байх билээ гэхэд "Би ч юмны донжийг тааруулдаг эр сэн дээ" хэмээн өөрийгөө омойтуулж суусан Таху,
- За би та хоёрт хэлж өгсү. Алт гэдэг энэ ховор эдийг Хүрэлдэй вантан яаж олдгийг би мэдэхгүй. Вангаас асуусан чинь "Тэр яахав" гээд жуумалзаж сууна билээ. Энэ "тамаг" дугараг хэлбэртэй байгаа нь нар сар хоёрыг хоёуланг билэгдэж, Наран Саран ивээлт Хүннү улсын их Шаньюй таныг тэг дунд нь товойлгон гаргажээ. Энэ эргэн тойронд буй 26 товруу нь Хүннү улсын хорин дөрвөн аймгийн тэргүүн ван, баруун зүүн гарын жуки нар таныг тойрон хүрээлж байна гэсэн агуулгатай юм. Тэгээд таны хоёр талд "Шаньюйн тамаг" гэсэн үгийг маш урнаар сийлж бичсэн буй. Та хоёр сайн хар даа гэв.
Түмэн, Саруна хоёр тамагийг сайтар ажигласнаа,
- Тийм байна! гэж хоёулаа зэрэг дуу алдав. Шаньюй сэтгэл нэн тааламжтай болж,
- Алив Яньжи минь, бид хоёрт өгчих юм байна уу? гэлээ. Яньжи Сарунагийн гаргасан толгой архинд нэлээд халамцсан Түмэн,
- Ингэхэд би Модунг буцаад ирнэ гэж итгэсээр суугаа шүү гэхэд Саруна эвгүйцэнгүйгээр,
- Та дандаа л Модун Модун гэх юм. Өбүн хэний хүү болж байна гэж унтууцав.
- Хоёулаа миний хүү. Харин би болчимгүй юм хийжээ. Та хоёрт гэж хэлэхэд, ихэнх вангууд намайг үзэж чадахгүй байна. Хэд хэдэн удаа вангуудын хуралдай хийх гээд чадсангүй. Бүгд дур дураараа аашлах болов. Тэд битүүдээ Модунг хүлээж буй бололтой гэхэд Таху зүүнд хатгуулсан юм шиг цочиж,
- Тийм ээ. Төр улсын маань байдал түвэгтэй байна. Жуки Гийгун гээд хэд хэдэн аймгийн вангууд суурин иргэдийг дууриаж тариалан хүртэл эрхэлнэ гэх шиг... гэхэд Шаньюй Тахугийн үгийг таслан,
- Тэрний зөв шүү! гэж сөргүүлэн дуугарав. Таху хэсэг зуур чимээгүй сууснаа тооно өөд өлийн хараад,
- Орой болж байх чинь, ингэсгээд харьдаг юм уу даа гээд өндийснөө буцаж суув.
"Аавын яриад байдгийг одоо л хөндөх минь" хэмээн Саруна бодож,
- Шаньюй! Аав аа! Та нарын ярианаас үзвэл улсын маань байдал хэцүүхэн байгаа юм аа даа. Хил зааг дээр будлиан гараад л... Вангууд Шаньюйн үгийг тоохоо болиод л... За тэгээд Модун буцаж ирэх, үгүй нь мэдэгдэхгүй байдаг. Байдал ийм байхад бид энүүхэндээ хярсан туулай шиг пөөвийгөөд сууж байх нь зөв үү гэж өдөх өнгөтэй дуугарав.
Түмэн Яньжигийн хорон үгийг дүйвүүлэх санаатай,
- Мэн Тянь жанжин замдаа зогсчихов уу, яав хэмээн Тахугаас асуулаа.
- Саяхан авсан мэдээгээр бол урт цагаан хана босгох хэргийг үргэлжлүүлж буй гэнэ. Үй түмэн боол, цэргийн олзлогдогсодыг туун ирж түүнийг босгож буй гэлцэнэ.
- Үүнийг өөд болооч эцгийг минь залуу байхад л босгож эхэлсэн гэдэг. Хичнээн жил болж байна даа.
- Гуч гаруй жил. Цинийхэн хүн олонтойдоо л тэсч байх шиг байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсээс өдөрт хэдэн зуугаараа л үхдэг юм байна. Тэднийг хананд нь хийгээд л далдалчихдаг гэнэ билээ. Тэр бол чулуу шавар хана биш, хүний махан хана босч буй хэрэг гэж Тахуг хүч нэмэн өгүүлэхэд,
- Пөөх! гэж Саруна дуу алдав.
- Бид их нүүдэл хийгээгүй бол ч өдийд урт цагаан ханад шингэсэн байхыг хэн байг гэх билээ хэмээн Таху шаньюйг ёргиход Түмэн,
-Урд айлаар ийм байдаг байжээ. Дунхугийн талаас чимээ сураг байна уу гэж асуулаа.
- Харин тэр зүгээс одоохондоо ээлтэй байна. Дотооддоо жаахан самуунтай даг аа даа. Уржнан жил тэдэнд өгсөн бэлэг сэлт шуналыг нь бага боловч дарсан гэж бодож байна. гэснээ бас л үгээ зөөж ядан,
- Харин одоо биднийг Юэчжи л зовоож байна шүү дээ гэв.
- Тийм ээ. Модуны байдлыг мэдэх, санаа бодлыг нь тандах хэргээр элч тохоон явуулдаг юм билүү гэж бодно. Агт морьд оролцуулсан их бэлэг өгвөл хүүг маань буцааж мэдэх юм шүү гэ Түмэн төрийн их эзний шинжтэй дуугарахад Таху,
- Жаахан хүлээвэл яасан юм бэ? Би хил тийш хүн явуулсан гэж танд хэлсэн дээ! гэв. Энэ үед Тахугийн хөгшин Өбүнийгээ дагуулан орж ирэв. Эрх танхи өссөн Өбүн шууд л,
- Аав аа! Та нар нөгөөх л Юэчжи, Цинь, Дунхугаа ярьсаар л байна уу? Ингэхэд Модун ах буцаж ирэх үү? Аан! гэтэл Саруна%
- Моньд минь эх захаа алдаж байгаа юм биш үү гэхэд Шаньюй,
- Нааш ир миний хүү гээд Өбүнийг дэргэдээ суулган зулай дээр нь үнэрлээд,
- Зөв л юм асууж байна шүү дээ гэв.
Аль хэдийнээ үдшийн бүрий болж түм буман одод тэнгэрт анивчин байв аа...


Top
   
PostPosted: Apr.18.15 1:15 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЗҮҮД
Түмэн, Саруна хоёр орондоо орж, өнөөдрийн яриаг нэхэн санацгааж хэвтлээ...
..."Таху вантны хэлснээр бол Модун өдийд өнгөрсөн бололтой. Би мөн ч үйлийн үртэй амьтан юм даа. Хүүгээ харь газар барьцаанд явуулснаас болж дээр дооргүй бүгд л надад дургүй болов. Зарим вангуудын хэлдгээр энэ Таху хутган үймүүлээд байдаг юм биш байгаа даа... Арай ч үгүй баймаар. Охин нь Яньжи, зээ нь үе залгамжлагч болчихоод байхад миний эсрэг юм хийнэ гэдэг юу л бол... Би л лав итгэж чадахгүй юм байна.
Хэрэв... Хэрвээ Модун амьд, тэгээд буцаад ирвэл яадаг билээ. Шууд шаньюйд өргөмжлөөд өөрөө холдох уу, аль эсвэл... Үгүй ээ...
Яасан ч энэрэлгүй хорвоо вэ? Би ч эхнэрийнхээ хормойноос холдож чадахаа больсон хөгшин бодон болжээ.
Хүрэлдэй ван ч аргагүй уран хүн юм даа. Тэр "Тамаг"-ийг мөн ч уран нарийн хийжээ. Намайг товойлгон гаргасныг яана. Тэр тамган дээр дүрслэгдсэн шиг би гэдэг хүн үргэлж юм юмнаас айн цочдог болчихоо юм болов уу. Хүрэлдэй ван өөрөө хэвийг нь гаргаж хорин зургаан ширхэгийг цутгуулсан гэл үү. Холч бодолтой хэрсүү хүн дээ. Хүннү улсын доторх эв нэгдлийг ч онцгой билэгдсэн байна. Вангуудын хурилдай хийлгэж, түүн дээрээ Хүрэлдэйгээс эхлээд тамагийг олговол зүйтэй бус уу. Энэ "тамаг" намайг хичнээн их баярлуулав гэхчилэнгээр бодсоор унтаж ийн зүүдлэвэй...
...Түмэн өргөөндөө гав ганцаар сууж буй бололтой. Гэнэт өөд болооч анхны Яньжи нь Модунг хөтөлсөөр орж ирээд:
- Би хүүгээ харь орноос олж ирлээ. Яс арьс болсныг нь харж байгаа биз. Чи ер нь яасан мөс муутай хүн бэ гээд хэлхээтэй ясан гараар түүний багалзуурыг шахахаар улам ойртов. Түмэнгийн нуруу руу хүйт оргиж, магнайнх нь хөлс чийхран үг хэлэх гэсэн боловч чадсангүй.
- Ээжээ аавд юу ч хэлээд нэмэргүй. Би таныг дагаад дээд тэнгэрт одсу гэж Модун хэлж буй бололтой.
- Миний хүү газар шороон дээрээ үлдэх ёстой.
Харь газар чиний эдэлсэн зовлонгийн хариуд би үүнийг (Түмэнг зааж) авч явна. Тэнд учраа олох биз гэхэд Түмэн эхнэрийнхээ урд сөхрөн унаж, "Яньжи минь намайг өршөө. Би дээд тэнгэрийн өмнө буруутай, Хүүгийнхээ өмнө, өвөг дээдсийнхээ сүнс сүлдний өмнө буруутай. Намайг энд үлдээж өгөөч!" гэхэд,
- За яахав. Одоо гурвуулаа гаръя. Чи үйлдсэн хэргээ зон олондоо ний нуугүй хэлэх биз гээд гарлаа...
Өргөөний гадаа үй олон хүмүүс байх агаад үл таних нэгэн тас хар хүн Тахуг сөгдүүлэн суулгаад сэлмээ сугалан толгойг нь тас цавчихад бэлтгэсэн байв. Таху Түмэнг хармагц:
- Таминь ээ! Амийг минь өршөө! Надад буруу байхгүй. Энэ ... энэ Түмэн л буруутай. Модунг энэ л барьцаанд явуулсан. Миний охин Яньжи ч буруугүй. Зөвхөн... гэтэл үл таних хар хүн Тахугийн толгойг тас цавчиж цусыг савируулан Түмэнд ойртуулахад энд цугларагсад нэгэн дуугаар "зүйтэй" гэж дэмжин хашгиралдав. Алуурчин, Тахугийн толгойг Түмэнгийн өмнө шидээд цустай сэлмээ барьсаар ойртоход үг хэлэх гэсэн боловч чадсангүй.
Өөд болооч Яньжи Модунг дагуулан түнэр харанхуй руу холдон холдсоор замхрав...
Түмэн муухай орилоод сэрвэл хамаг бие нь усан хулгана болсон байлаа. Саруна ч сэрлээ.
- Яньжи минь! Би ямар хачин зүүд үзэв ээ. Ёо ёох гэхэд Саруна,
- Та намайг ямар сайхан зүүд үзсэн гэж санана! гэв.
Үүр тэмдгэрч өргөөний доторх зүйл танигдахуйц гэгээ орж байв.
- За байз, чи жаахан хүлээ. Би зүүдээ нэхэн санаад орхису... гэтэл Таху амьсгаадсаар сүр пар хийн орж ирээд,
- Шаньюй! Цаана чинь хэрэг мундраад байна. Яадаг билээ? гэхэд Түмэн%
- Юу болоо вэ? гээд хагас өндийв. Энэхэн завсар "Энэ Таху дандаа л бажгадаж явах юм. Ер нь олигтой юм ярьж ирэхгүй шүү" гэж бодсоноо түүнийг хялайн харав.
- Модун! ... Модун! гэхэд,
"Ашгүйдээ. Нүдэнд хүйтэн гайхал нь тэнгэрт халиа юм болов уу даа" хэмээн Саруна бодоод өндийн суув. Тэгээд нүдээ гялалзуулан залирхагаар инээмсэглэж,
- Юу болоо вэ? Аав аа! Модун өнгөрөө юу?...
- Юуны чинь өнгөрөх. Амьд байгаа юм байна! гэхэд Түмэн,
- Амьд байгаа бол та нар юундаа сандраа вэ? Би дөнгөж саяхан зүүдэндээ хүүтэйгээ уулзсан юм. Ийм мэдээ сонсох гэж л зүүдэлж дээ гэхэд Таху үгийг нь тасалж,
- Модун аль хэдийнээ хилийн дээс давж иржээ. Тэнгэр минь! Өвөг дээдсийн сүнс сүлд минь! Юу л болдог бол доо... гээд гэгээ орсон тэнгэрийг тооноор ширтээд ширдгэн дээр лагхийн суув.
Хөгшин бурхи шиг пөөвийж суугаа Таху,
- Модун ирж яваа юм байна! гэхэд Түмэн,
- Хэн хэлж байна? Үнэн юм уу? гэснээ хөл дээрээ хаяж хоносон хурган дотортой ягаан торгон дээлийг нөмрөөд босов.
Тэрбээр явган ширээн дээр байгаа гоёмсог гуулин данхтай хярамнаас мөнгөн аяганд савируулан хийж, нэг амьсгаагаар залгилаад,
- Вантан та, лавтай мэдээ авсан юм байгаа биз. Худал хуурмаг юм дуулж олны санаа үймүүлдэг цахлай амьтдын үг биш биз.
- Үүнийг баттай гэдэгт би эргэлзэхгүй байна. Модун Усун хоёр Юэчжийн вангийн хүргэн охин хоёрын унадаг тэнгэрийн аргамаг хүлгийг хулгайлан (Зориуд хулгайлж гэдэг нэмж буй бололтой) зугатааж цагаан сарын дараахан хилийн отгийн нэг ахлагчийнд хоноод үл мэдэгдэх зүг рүү явжээ. Хал үзэж, халуун чулуу долоож, дол цохисон Усун зүгээ буруулахаа мэдэлгүй яав гэж. Эртхэн шиг учрыг нь олохгүй бол аймшигт хэрэг мандаж магадгүй шүү. Совин татаад нэг л хачин гээд өмөлзөхөд Түмэн,
- Яаж учрыг нь олох гэж. Барьж аваад буцаах гэж үү гэснээ тэргүүнээ гудайлган бодол болов.
- Үгүй... үгүй нь ч үгүй л дээ... Юу л даа... гэж Тахуг түгдчихэд Шаньюй,
- Юу гэж. Эрж олоод төхөөрөх нь үү. Аан! Ингэхэд, миний хүү буцаад ирээ л биз. Юу л болбол болог! хэмээн заримдаа овоо зоримог шийд гаргах бололтой байдаг зангаараа хэлэв. Тэгснээ шөнийн зүүдээ нэхэн саналаа. Өргөөн дотор хэсэгхэн зуур нам гүм болов.
- Шаньюй! Би танд олон удаа хэлэх юм даа. Та чинь бас Өбүн гэж гал голомтоо сахиулах нэг хүүтэй биз дээ гээд Саруна босч хувцасаа өмсөв.
- Тиймээ!
- Тэгвэл Өбүнийг шаньюйн үе залгамжлагчаар яаралтай зарлах хэрэгтэй.
- Модунг яах болж байна? Үе залгамжлагч ууган хүү нь байсаар байтал ёсыг эвдэн отгон хүүгээ үе залгамжлагчаар зарлаваас тэртэй тэргүй хэцүүдчихээд байгаа улсаа бутархаг болно.
Та нарын бодлыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Юу л болбол болог. Хүлээсү гээд "морь харахаар" өндийлөө.


Top
   
PostPosted: Apr.18.15 2:23 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
БАРУУН ГАРЫН ЖУКИ
Жуки Гийгун өргөөндөө өглөөний зоог барьж суулаа. Нүүдэл суудлын мянган бэрхшээлийг алзахгүй давж, аав ээжий нь гараар дамжиж хадгалагдсан явган ширээн дээрх зэс түмпэнд овоолсон үхрийн чанасан өөхтэй борцноос огтолж, домботой халуун хярамнаас модон тагшинд хийгээд сорж ууна.
Гурван өдөрчийн газар хаваржиж байгаа Хүрэлдэй вангийнд зочлон очоод шөнө буцаж ирсэн ч хэзээний эртэч зангаараа үүрийн гэгээтэй уралдан босч ийнхүү хэдэн мөч тухлан сууж авай.
Өргөө нь Хүннү улсын баруун гарын Жукийнх гэхээс зэр зэвсгийн агуулах гэлтэй. Гэрийн баруун зүүн ханаар их бага гарын нум, төрөл бүрийн сум, жад, сэлэм, тоногтой эмээл хазаар тэргүүтнийг угсруулан өлгөжээ.
Түүгээр ч үл барам харь улсын цэргийн янз бүрийн хэрэгсэл хүртэл хаяа хатавчинд нь хэвтэх ажгуу.
Жуки, эл бүхнээрээ ихэд бахархах бөгөөд харин нүүдэл суудал болоход тээр болмоор эдгээр зүйлийг харж үзсэн хүмүүс ихэд гайхна. Үүнээс болоод хатантайгаа ам мурийсан явдал ч бий билээ.
Харин он цагийн уртыг элээхдээ огтхон ч өнгөө алдаагүй зэс, мөнгөн тоногтой бяцхан содон авдар өргөөний хойморт зохих байраа эзэлсэн байдаг байлаа.
Энэ бол аав ээжээс нь Жукид үлдсэн нандин өв байв. Энэ авдарт Жуки овгийнхоо болон дайн тулааны холбогдолтой бичиг сэлт, газар нутгийн зургийг хадгалдаг гэлцэнэ.
Тэрбээр гуч дөнгөж гарч байгаа ч их, бага нийлсэн дөчин удаагийн тулалдаанд орж ялсан, цэргийн гайхамшигт жанжин, алдар цуутай хүн байлаа.
Юэчжи нар түүний эцгийг олзолж хүний ёсноос гадуур тамлан алж, гавлаар нь аяга хийгээд харь улсын элч зардаст үзүүлэн гайхуулдаг гэнэ гэснийг мэдэх болсон цагаас тогтож суухаа больж заналт дайсны хилийг олон удаа давж тулалджээ.
..."Модун Усун хоёр маань өдийд ямар шуу явдаг бол. Энэ муу Таху хилийн тийш нууцаар цэрэг илгээсэн гэдэг ортой байх шүү. Тандаж мэд гэж Зэстэлэнги ванд хэл хүргүүлсэн. Одоо хүртэл чимээ байдаггүй... Тэрэв Тахугийн явуулсан хүн хилийн дээс зөрчиж өдөөн турхирсан бол Модун өдийд өнгөрөө биз. Шаньюй маань ч Яньжигийн хормойноос цааш харж чадахаа больжээ. Ээж маань Динлин бүсгүй байсан болоод ч тэрүү хөрш Динлинчүүд биднийг зовоохгүй байна. Хоёр жил дэмий суулаа. Вангууд бие биенээ хэсч айраг, сархад гүзээлэхээс цаашгүй болоо шив. Хүннү улс хагарч бутрахын заагт тулж ирээд байдаг. Ядахдаа төрийн их ав хоморго хийхээ ч больж дээ. Вангуудын хурилдай зарласан гэх боловч элдэв шалтаг тоочиж цуглараагүй.
Төрийн жолоог чанга барих хүн хэрэгтэй болсон бус уу. Тэр хүн хэн бэ? Хүрэлдэй ван бид хоёр энэ талаар их маргалдлаа. Зальт Таху зээ хүүгээ зүүн гарын Жуки-шаньюйн залгамжлагчаар өргөмжлүүлэх санаатай нь тодорхой болсон" гэхчилэнгээр бодож суутал Жукийн шадар туслах орж ирээд,
- Өчигдөр Шаньюйгаас хэл иржээ гээд бодлыг нь сарниулав.
- Юун тухай юм бол?
- Вангуудын хурилдай болох юм байх аа. Маныг мөд ирэхгүй байж магадгүй гэж хэлээд буцаажээ.
- Мөөн. Тэгээд хэдийд хаана болох гэнэ.
- Зуны дунд сарын шинэдээр Орхоны их цагаан тохойд цуглар гэжээ. Маш чухал хэрэг шийдэх тул алгуурлалгүй ир гэсэн байна билээ.
- За. Дайн тулаан хийх юм болов уу. Хүннү улс сүйрлийн даваанд тулчихаад байхад зүгээр гэдсээ илээд хэвтэж байх цаг ч биш дээ. Яамай даа гэснээ нөгөө Зэстэлэнги вантангаас чимээ анир байна уу гэв.
- Чимээ байдаггүй шүү. Үгүй ээ ингэхэд... хов жив ч юм уу. Таху гуай Юэчжийн хил тийш зориуд цэрэг илгээж өдөөсөн гэх юм гэхэд Гийгун түүнийг жоготой харцаар ажигласнаа,
- Хов жив байлгүй дээ. Шаньюйн хадам, төрийн бага нагац (заргач) том хүн тийм гоомой юм хийхгүй байлгүй! гэхэд нь,
- За тийм байж ээ. Хөөрхий! гээд гарах гэтэл Гийгун,
- Адуунаас сайн морь бариулахыг бод. Бас бие хамгаалах зуутыг бэлтгүүл. Орхон голын эхэнд өндөр хясаа руу хүрхрэн буудаг нэг гол бий гэнэ. Өдийд ус нь элбэгшиж маш гоё байдаг бололтой. Гэртээ хэвтсээр байтал Юэчжийн эвэртэн туурайтан шиг мариалж гүйцлээ гэхэд шадар туслагч,
- Жуки та. Хэдэн өдөрчийн тэртээгээс дөнгөж энэ шөнө ирчихээд одоо дахиад бартаатай тэр газар луу явах юм гэж үү? хэмээн гайхширан асуухад,
- Зүгээр. Морин дэл дээгүүр салхи исгэрүүлэн давхиж явах шиг жаргал эр хүнд байхгүй. Чи өргөө харж хамгаалах үүрэгтэй болсноос хойш нэг л өөр болчихож дээ. Эцсийн сүүлд морин дээр мордож чадахгүй болж мэднэ. Адилтгавал урд хөндийд босгосон хүн чулуун хөшөө шиг луглайчихвал яана! гээд хараа мөргөлдүүлснээ тас тас хөхрөлдөхүйд, үнээ сааж байсан бүсгүйчүүдийн зарим нь "Эрчүүд хойно бэлхүүснээс доош л юм ярьж марзганаж байгаа биз" хэмээн жуумалзахад, Жукийн хатан залуухан бүсгүй "Манай энэ гэртээ ганц шөнө тайван хоночихож чадахгүй хачин хүн шүү. Хөөрхий минь Хүннү улс, Хүннү улс гэсээр байгаад... Ээ тэнгэр минь муу эм миний хувь тавилан л мэдэж дээ. Түүнийг минь дээд тэнгэр өршөө. Өнөөдөр бас л хаашаа гэнэ вэ явна гэсэн байх аа. Хориод дийлдэхгүй...
Улс гүрэнд хэрэгтэй л бол явахаас ч яах вэ. Жаал зугаа идэх юм бэлдэж богцонд нь хийх минь гэж эр нөхрөө хайрлан бодож байлаа.
Гийгун бага үдийн алдтайд Хүнүй голын боомд байгаа өргөөнөөсөө мордож өмнийг зорин хөдлөв. Дайн тулааны цаг биш болохоор аажуухан явж байлаа.
Жуки! Ингэхэд Модунгаас чимээ сураг дуулдав уу? Өчигдөр Шаньюйгаас хэл ирсэн гэсэн юун тухай юм болоо? гэж мал сүрэг, нүүх суух тухай ярилцаж явсан мянгатын ноёныг сониучирхан асуухад Гийгун,
- Чимээ байдаггүй ээ. Зуны эхэн сарын шинэдээр хурилдайтай гэнэ. Тэгэхэд нэг юм дуулдах болов уу. Чи чинь энэ жил хорин гурав хүрч байгаа билүү хө гэхэд цаадах нь ялимгүй мушилзсанаа,
- За тийм ээ.
- Уржнан нааш нүүхээс өмнө Юэчжитэй тулалдахад чи надад таалагдсан шүү. Чи мянган цэрэг толгойлох болсоор гурван зуны нүүр үзэж байх чинь. Одоо ялимгүй магтаад орхиход овойхгүй болсон биз. Тийм үү? гэснээ түүнийг цэгнэх мэт ажиглав.
Хүннү улсын төрийн гурав дах их хүний амнаас анх удаа магтаал сонсож балмагдсан залуу ноён чихнийхээ арыг маажих аядсанаа "Хэнээр толгойлуулж яваагаа мэдэж байна уу та нар" гэсэн янзтай ойролцоо яваа цэргүүд дээрээ хараа шилжүүлж аравт, зуутын ахлах хашрууд толгой дохин жуумалзацгааж байхыг ажиглалаа. Жуки Гийгун Хүннүгийн эвэртэн туурайтан төдийгүй, гойд сэргэлэн, авхаалж самбаатай хүүхдүүдийг зориуд сонгон дэргэдээ байлгаж цэрэг дайны хэрэгт сурган, дайн тулаанд ороод шалгарсныг нь нас бага гэхгүйгээр аравт, зуут, мянгатын хэргэмтнээр тохоох бөлгөө. Энэхүү залуу ноён ч гэсэн бусдын адил өсөж өндийсөн нэгэн байлаа. Тэд айлаар бууж, яаралгүй явсаар хоёр дахь өдрийнхөө үд дундын хирд Орхоны цутгаланд ирж дөрөө мултлав.
Орхоны урд эргийн эгч цавчим хясаа руу улаанаар эргэлдэн буух их ус сүртэй агаад үзэсгэлэнтэй сайхан харагдана. Жуки тэргүүтэй ихэс ноёд, өнгө өнгийн цэцэг алагласан ногоон дэнж дээр хагас дугуй байдлаар тухлан, цутгаланд идээнийхээ дээжийг өргөн, анх удаа тахилга үйлдэн, хэсэгхэн зуур өөр өөрсдийн бодолд дарагдан сууцгаав... Энэхэн мөчид ижил зүсмийн хул морь унасан хоёр залуу өвөр хоорондоо ярилцсаар цутгалангийн ойролцоох хүрмэн ханыг тойрон гарч ирснээ тушаа чөдөртэй олон морьд байхыг хараад жолоо татан саатлаа.
- Энэ чинь юун олон хүмүүс байдаг билээ? хэмээн өргөн цээжтэй лагсдуу биетэй залуу, өөрөөсөө ч юмуу асуухад дөрөө харшуулан яваа буурал үстэй, хүйтэвтэр харцтай горзгор залуу,
- Мэдэхгүй юм даа гээ тэднийг сэжиглэв бололтой,
- Олуулаа явахыг бодвол их л чухал хэргийн төлөө бололтой. Тэд нар дээр очих уу, аль буцаж өөр газраар уруудах уу гэхэд,
- Баахан л морьд байх юм, эзэд нь хаа байдаг байна аа?
- Та сонсож байна уу. Энэ хүрхрээд байгаа чимээг.
- Сонсож байна.
- Энэ чинь бидний яриад байсан Орхоны улаан цутгалан гэдэг чинь шүү дээ. Ойртоод очихоор харагдана. Хясаа руу нь ордог жим байдаг юм. Тэд үүгээр бууж орсноос зайлав гэж үү гэснээ,
- Үгүй ээ! Тэр дэнж дээр хэсэг хүн сууж байх чинь вэ? Чухам хаанахын ямар улс бол?
- Нутгийн энэ гүнд харийн дайсан лав байхгүй биз. Хоёулаа очсу! гээд морио зөөлөн давирав.
Шадар нөхдийнхөө хамт цутгаланг сонирхож суугаа Жуки угийн соргог зангаараа хоёр морьтонг харсан ч "Мал хайж яваа хүүхдүүд биз" гээд төдийлөн тоолгүй хавтгай чулуун дээр өрсөн бяслагнаас авч цутгаланд өргөв. Хоёр залуу морьдоо тушиж орхиод цаашаа харцгаан суугаа хүмүүст ойртож,
- Та бүхэн амархан сайн явцгааж байна уу? гэхэд бүгдээрээ
- Сайн гэж ам амандаа бувтнав.
Хамаг бодлоо цутгаланд шилжүүлсэн Жуки,
- Ингэхэд дүү нар хаанаас хаа хүрч явна даа гээд өндийж, ирсэн хоёрыг харснаа "Юу билээ" гэсэн шиг нүдээ арчив.
Ойрмогхон цэнхэртэн дуниартах Хангайн нурууны их хөвч ойгоос сугараад ирэв үү гэлтэй таних нэгэн дүр зэгзийн харагдав.
- Энэ чинь Модун... Модун байна... Тэнгэр минь хэмээн дуу алдлаа. Тэнд сууж байсан шадар нөхөд ч пэр пархийн босоцгоолоо. Цутгалангийн их нүргээн, хүмүүсийн пэр пар гэх чимээгээр хүлэг морьд үүрсэн чихээ сортолзуулснаа "Ашгүй учраа олжээ" гэсэн шиг толгой хаялан эздээ харав.
Хүннү улсын Шаньюйн дараа орох хоёр хүн хувь тавилангийнхаа эрхээр энд ийнхүү учран золгов.
...Мөч мөчөөр ус нь нэмэгдэх голын цутгалан улам ширүүсч, их хэргийг даллан дуудах мэт аюумшигтайгаар хүрхэрсээр авай.


Top
   
PostPosted: Apr.18.15 3:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
БАРУУН ГАРЫН ЖУКИ
Жуки Гийгун өргөөндөө өглөөний зоог барьж суулаа. Нүүдэл суудлын мянган бэрхшээлийг алзахгүй давж, аав ээжий нь гараар дамжиж хадгалагдсан явган ширээн дээрх зэс түмпэнд овоолсон үхрийн чанасан өөхтэй борцноос огтолж, домботой халуун хярамнаас модон тагшинд хийгээд сорж ууна.
Гурван өдөрчийн газар хаваржиж байгаа Хүрэлдэй вангийнд зочлон очоод шөнө буцаж ирсэн ч хэзээний эртэч зангаараа үүрийн гэгээтэй уралдан босч ийнхүү хэдэн мөч тухлан сууж авай.
Өргөө нь Хүннү улсын баруун гарын Жукийнх гэхээс зэр зэвсгийн агуулах гэлтэй. Гэрийн баруун зүүн ханаар их бага гарын нум, төрөл бүрийн сум, жад, сэлэм, тоногтой эмээл хазаар тэргүүтнийг угсруулан өлгөжээ.
Түүгээр ч үл барам харь улсын цэргийн янз бүрийн хэрэгсэл хүртэл хаяа хатавчинд нь хэвтэх ажгуу.
Жуки, эл бүхнээрээ ихэд бахархах бөгөөд харин нүүдэл суудал болоход тээр болмоор эдгээр зүйлийг харж үзсэн хүмүүс ихэд гайхна. Үүнээс болоод хатантайгаа ам мурийсан явдал ч бий билээ.
Харин он цагийн уртыг элээхдээ огтхон ч өнгөө алдаагүй зэс, мөнгөн тоногтой бяцхан содон авдар өргөөний хойморт зохих байраа эзэлсэн байдаг байлаа.
Энэ бол аав ээжээс нь Жукид үлдсэн нандин өв байв. Энэ авдарт Жуки овгийнхоо болон дайн тулааны холбогдолтой бичиг сэлт, газар нутгийн зургийг хадгалдаг гэлцэнэ.
Тэрбээр гуч дөнгөж гарч байгаа ч их, бага нийлсэн дөчин удаагийн тулалдаанд орж ялсан, цэргийн гайхамшигт жанжин, алдар цуутай хүн байлаа.
Юэчжи нар түүний эцгийг олзолж хүний ёсноос гадуур тамлан алж, гавлаар нь аяга хийгээд харь улсын элч зардаст үзүүлэн гайхуулдаг гэнэ гэснийг мэдэх болсон цагаас тогтож суухаа больж заналт дайсны хилийг олон удаа давж тулалджээ.
..."Модун Усун хоёр маань өдийд ямар шуу явдаг бол. Энэ муу Таху хилийн тийш нууцаар цэрэг илгээсэн гэдэг ортой байх шүү. Тандаж мэд гэж Зэстэлэнги ванд хэл хүргүүлсэн. Одоо хүртэл чимээ байдаггүй... Тэрэв Тахугийн явуулсан хүн хилийн дээс зөрчиж өдөөн турхирсан бол Модун өдийд өнгөрөө биз. Шаньюй маань ч Яньжигийн хормойноос цааш харж чадахаа больжээ. Ээж маань Динлин бүсгүй байсан болоод ч тэрүү хөрш Динлинчүүд биднийг зовоохгүй байна. Хоёр жил дэмий суулаа. Вангууд бие биенээ хэсч айраг, сархад гүзээлэхээс цаашгүй болоо шив. Хүннү улс хагарч бутрахын заагт тулж ирээд байдаг. Ядахдаа төрийн их ав хоморго хийхээ ч больж дээ. Вангуудын хурилдай зарласан гэх боловч элдэв шалтаг тоочиж цуглараагүй.
Төрийн жолоог чанга барих хүн хэрэгтэй болсон бус уу. Тэр хүн хэн бэ? Хүрэлдэй ван бид хоёр энэ талаар их маргалдлаа. Зальт Таху зээ хүүгээ зүүн гарын Жуки-шаньюйн залгамжлагчаар өргөмжлүүлэх санаатай нь тодорхой болсон" гэхчилэнгээр бодож суутал Жукийн шадар туслах орж ирээд,
- Өчигдөр Шаньюйгаас хэл иржээ гээд бодлыг нь сарниулав.
- Юун тухай юм бол?
- Вангуудын хурилдай болох юм байх аа. Маныг мөд ирэхгүй байж магадгүй гэж хэлээд буцаажээ.
- Мөөн. Тэгээд хэдийд хаана болох гэнэ.
- Зуны дунд сарын шинэдээр Орхоны их цагаан тохойд цуглар гэжээ. Маш чухал хэрэг шийдэх тул алгуурлалгүй ир гэсэн байна билээ.
- За. Дайн тулаан хийх юм болов уу. Хүннү улс сүйрлийн даваанд тулчихаад байхад зүгээр гэдсээ илээд хэвтэж байх цаг ч биш дээ. Яамай даа гэснээ нөгөө Зэстэлэнги вантангаас чимээ анир байна уу гэв.
- Чимээ байдаггүй шүү. Үгүй ээ ингэхэд... хов жив ч юм уу. Таху гуай Юэчжийн хил тийш зориуд цэрэг илгээж өдөөсөн гэх юм гэхэд Гийгун түүнийг жоготой харцаар ажигласнаа,
- Хов жив байлгүй дээ. Шаньюйн хадам, төрийн бага нагац (заргач) том хүн тийм гоомой юм хийхгүй байлгүй! гэхэд нь,
- За тийм байж ээ. Хөөрхий! гээд гарах гэтэл Гийгун,
- Адуунаас сайн морь бариулахыг бод. Бас бие хамгаалах зуутыг бэлтгүүл. Орхон голын эхэнд өндөр хясаа руу хүрхрэн буудаг нэг гол бий гэнэ. Өдийд ус нь элбэгшиж маш гоё байдаг бололтой. Гэртээ хэвтсээр байтал Юэчжийн эвэртэн туурайтан шиг мариалж гүйцлээ гэхэд шадар туслагч,
- Жуки та. Хэдэн өдөрчийн тэртээгээс дөнгөж энэ шөнө ирчихээд одоо дахиад бартаатай тэр газар луу явах юм гэж үү? хэмээн гайхширан асуухад,
- Зүгээр. Морин дэл дээгүүр салхи исгэрүүлэн давхиж явах шиг жаргал эр хүнд байхгүй. Чи өргөө харж хамгаалах үүрэгтэй болсноос хойш нэг л өөр болчихож дээ. Эцсийн сүүлд морин дээр мордож чадахгүй болж мэднэ. Адилтгавал урд хөндийд босгосон хүн чулуун хөшөө шиг луглайчихвал яана! гээд хараа мөргөлдүүлснээ тас тас хөхрөлдөхүйд, үнээ сааж байсан бүсгүйчүүдийн зарим нь "Эрчүүд хойно бэлхүүснээс доош л юм ярьж марзганаж байгаа биз" хэмээн жуумалзахад, Жукийн хатан залуухан бүсгүй "Манай энэ гэртээ ганц шөнө тайван хоночихож чадахгүй хачин хүн шүү. Хөөрхий минь Хүннү улс, Хүннү улс гэсээр байгаад... Ээ тэнгэр минь муу эм миний хувь тавилан л мэдэж дээ. Түүнийг минь дээд тэнгэр өршөө. Өнөөдөр бас л хаашаа гэнэ вэ явна гэсэн байх аа. Хориод дийлдэхгүй...
Улс гүрэнд хэрэгтэй л бол явахаас ч яах вэ. Жаал зугаа идэх юм бэлдэж богцонд нь хийх минь гэж эр нөхрөө хайрлан бодож байлаа.
Гийгун бага үдийн алдтайд Хүнүй голын боомд байгаа өргөөнөөсөө мордож өмнийг зорин хөдлөв. Дайн тулааны цаг биш болохоор аажуухан явж байлаа.
Жуки! Ингэхэд Модунгаас чимээ сураг дуулдав уу? Өчигдөр Шаньюйгаас хэл ирсэн гэсэн юун тухай юм болоо? гэж мал сүрэг, нүүх суух тухай ярилцаж явсан мянгатын ноёныг сониучирхан асуухад Гийгун,
- Чимээ байдаггүй ээ. Зуны эхэн сарын шинэдээр хурилдайтай гэнэ. Тэгэхэд нэг юм дуулдах болов уу. Чи чинь энэ жил хорин гурав хүрч байгаа билүү хө гэхэд цаадах нь ялимгүй мушилзсанаа,
- За тийм ээ.
- Уржнан нааш нүүхээс өмнө Юэчжитэй тулалдахад чи надад таалагдсан шүү. Чи мянган цэрэг толгойлох болсоор гурван зуны нүүр үзэж байх чинь. Одоо ялимгүй магтаад орхиход овойхгүй болсон биз. Тийм үү? гэснээ түүнийг цэгнэх мэт ажиглав.
Хүннү улсын төрийн гурав дах их хүний амнаас анх удаа магтаал сонсож балмагдсан залуу ноён чихнийхээ арыг маажих аядсанаа "Хэнээр толгойлуулж яваагаа мэдэж байна уу та нар" гэсэн янзтай ойролцоо яваа цэргүүд дээрээ хараа шилжүүлж аравт, зуутын ахлах хашрууд толгой дохин жуумалзацгааж байхыг ажиглалаа. Жуки Гийгун Хүннүгийн эвэртэн туурайтан төдийгүй, гойд сэргэлэн, авхаалж самбаатай хүүхдүүдийг зориуд сонгон дэргэдээ байлгаж цэрэг дайны хэрэгт сурган, дайн тулаанд ороод шалгарсныг нь нас бага гэхгүйгээр аравт, зуут, мянгатын хэргэмтнээр тохоох бөлгөө. Энэхүү залуу ноён ч гэсэн бусдын адил өсөж өндийсөн нэгэн байлаа. Тэд айлаар бууж, яаралгүй явсаар хоёр дахь өдрийнхөө үд дундын хирд Орхоны цутгаланд ирж дөрөө мултлав.
Орхоны урд эргийн эгч цавчим хясаа руу улаанаар эргэлдэн буух их ус сүртэй агаад үзэсгэлэнтэй сайхан харагдана. Жуки тэргүүтэй ихэс ноёд, өнгө өнгийн цэцэг алагласан ногоон дэнж дээр хагас дугуй байдлаар тухлан, цутгаланд идээнийхээ дээжийг өргөн, анх удаа тахилга үйлдэн, хэсэгхэн зуур өөр өөрсдийн бодолд дарагдан сууцгаав... Энэхэн мөчид ижил зүсмийн хул морь унасан хоёр залуу өвөр хоорондоо ярилцсаар цутгалангийн ойролцоох хүрмэн ханыг тойрон гарч ирснээ тушаа чөдөртэй олон морьд байхыг хараад жолоо татан саатлаа.
- Энэ чинь юун олон хүмүүс байдаг билээ? хэмээн өргөн цээжтэй лагсдуу биетэй залуу, өөрөөсөө ч юмуу асуухад дөрөө харшуулан яваа буурал үстэй, хүйтэвтэр харцтай горзгор залуу,
- Мэдэхгүй юм даа гээ тэднийг сэжиглэв бололтой,
- Олуулаа явахыг бодвол их л чухал хэргийн төлөө бололтой. Тэд нар дээр очих уу, аль буцаж өөр газраар уруудах уу гэхэд,
- Баахан л морьд байх юм, эзэд нь хаа байдаг байна аа?
- Та сонсож байна уу. Энэ хүрхрээд байгаа чимээг.
- Сонсож байна.
- Энэ чинь бидний яриад байсан Орхоны улаан цутгалан гэдэг чинь шүү дээ. Ойртоод очихоор харагдана. Хясаа руу нь ордог жим байдаг юм. Тэд үүгээр бууж орсноос зайлав гэж үү гэснээ,
- Үгүй ээ! Тэр дэнж дээр хэсэг хүн сууж байх чинь вэ? Чухам хаанахын ямар улс бол?
- Нутгийн энэ гүнд харийн дайсан лав байхгүй биз. Хоёулаа очсу! гээд морио зөөлөн давирав.
Шадар нөхдийнхөө хамт цутгаланг сонирхож суугаа Жуки угийн соргог зангаараа хоёр морьтонг харсан ч "Мал хайж яваа хүүхдүүд биз" гээд төдийлөн тоолгүй хавтгай чулуун дээр өрсөн бяслагнаас авч цутгаланд өргөв. Хоёр залуу морьдоо тушиж орхиод цаашаа харцгаан суугаа хүмүүст ойртож,
- Та бүхэн амархан сайн явцгааж байна уу? гэхэд бүгдээрээ
- Сайн гэж ам амандаа бувтнав.
Хамаг бодлоо цутгаланд шилжүүлсэн Жуки,
- Ингэхэд дүү нар хаанаас хаа хүрч явна даа гээд өндийж, ирсэн хоёрыг харснаа "Юу билээ" гэсэн шиг нүдээ арчив.
Ойрмогхон цэнхэртэн дуниартах Хангайн нурууны их хөвч ойгоос сугараад ирэв үү гэлтэй таних нэгэн дүр зэгзийн харагдав.
- Энэ чинь Модун... Модун байна... Тэнгэр минь хэмээн дуу алдлаа. Тэнд сууж байсан шадар нөхөд ч пэр пархийн босоцгоолоо. Цутгалангийн их нүргээн, хүмүүсийн пэр пар гэх чимээгээр хүлэг морьд үүрсэн чихээ сортолзуулснаа "Ашгүй учраа олжээ" гэсэн шиг толгой хаялан эздээ харав.
Хүннү улсын Шаньюйн дараа орох хоёр хүн хувь тавилангийнхаа эрхээр энд ийнхүү учран золгов.
...Мөч мөчөөр ус нь нэмэгдэх голын цутгалан улам ширүүсч, их хэргийг даллан дуудах мэт аюумшигтайгаар хүрхэрсээр авай.


Top
   
PostPosted: Apr.18.15 5:59 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ӨЧИЛГҮЙ ДАГАЖ БАЙТУГАЙ
Алтайн сүрлэг уулс юутай сайхан. Түүний тэнгэрт тулсан цаст оргил тэртээд дүнхийж, тал талаас нь садарсан цэнгэг уст гол горхиуд нь хуур лимбийн эгшгээр хүмүүний сэтгэлийг гижигдэж, зарим нь хөхрөн дуниартах их хөндий рүү мурилзан одож бараа тасрах агаад заримууд нь залхуурна уу гэлтэй зам гудастаа газар доогуур шурган хоцрох ажээ. Хөх ногооны униар татаж, таана хөмүүлийн үнэр хамар цоргисон тэнүүхэн дэнжээр мал сүрэг багширч, аагим халуунд хаяагаа сөхсөн айлууд зэрэглээнд тэнгэр баганадсан юм шиг, бас дайвалзаад байгаа юм шиг гойд сонин сэтгэгдэл төрүүлнэ. Сүргээсээ тасарсан хэсэг бөхөн бөмбөлзтөл жороолон өрсөж гарах гээд давхихыг үл тоосон морьтонгуудын толгойд яваа эрхэмсэг байрын хоёр залуу өвөр хоорондоо ер бишийн яриа дэлгэн явна.
- Тэр жилийн хурилдайгаас хойш Шаньюйн царайг харсангүй.
- Цаг мөч яасан ч амархан өнгөрнө вэ? Түүнээс хойш таван намартай золгож байх шив дээ?
- Тийм ээ. Саявтархан шаньюйгаас захиа авсан. Энэ жил чадахгүй юм гэхэд ирэх намар төрийн их ав хоморго хийе гэсэн байна билээ.
- Өө тийм үү.
- Тийм ээ. Их ав хоморго гэж байгаа. Хурилдай ч бүр өнгөрсөн бололтой гэж буурал урт үсээ салхинд намируулан алсын бараа ширтэж яваа залуу эрийг ёстойгоор хэлэхэд дөрөө харшуулан зэрэгцэн явсан нөхөр нь,
- Жуки минь! гээд хоолойгоо засах хооронд нөгөө буурал залуу,
- Зэстэлэнг вантан! Намайг зүгээр л Модун гэж бай гэж тохирсон санагдана гэв.
- Тийм л дээ. Тэхдээ ёсыг огоорч болохгүй шүү. Сүүлийн үед таныг дураараа аашлах болсон гэсэн яриа бий. Би ер нь шуудхан асуучихдаг хүн. Та намайг мэднэ дээ?
- Мэднэ ээ. Бүүр сайн мэднэ. Чи бодвол зуны явдлыг асуух гээд байна уу?
- Тийм ээ. Тэр явдал намайг их түгшээсэн дээ гээд Модунг эгцлэн харахад түүний нүд ер бишээр гялалзаж байлаа.
- Жуки! Үгүй ээ... Модун минь! Би харь газар аавын чинь оронд аав, ээжийн чинь оронд ээж болж явсан Усун ноёнтойгоо муудалцсан гэх юм. Энэ худал үг байлгүй аан! гэв.
- Үнээн! Усун гуай миний бодож, гүйцээх зүйлийг зөвшөөрдөггүй юм. Тэгээд зуны гайтай явдал бүүр "гал дээр нь тос хийв" гэгч болгосон юм. Гэлээ ч Усун гуайд би насан туршдаа өртэй хүн. Миний өмнө ямар ч ял зэм хийлээ гэхэд би өршөөн хэлтрүүлж явах учиртай гэхэд Зэстэлэнг нөхрөө зовоох дэмий юм асуучихав уу даа гэж бодон ярианы өнгийг өөрчлөх санаатай хол саахалтын газар үй түмээр бэлчиж яваа зээрийн сүргийг зааж,
- Яасан олон амьтан бэ? Удахгүй хамтарч ав хоморго хийнэ шүү гэхэд Модун,
- Зэстэлэнг минь! Сэтгэлээ бүү хуур. Тэртэй тэргүй чамаас нуугаад байх зүйл надад байхгүй гэснээ ийм л юм болсон доо гээд хоромсоготой сум руугаа зааж,
- Энэ бол дуут сум. Хүрэлдэй ахаар хийлгэсэн юм. Би энэ дуут сумаа хааш нь тавина тэр зүгт чи бид хоёрыг дагаж яваа энэ олон зуун цэрэг эрчүүд өчилгүй харвах учиртай гэхэд Зэстэлэнги,
- Пөөх! Тэгээд хатан авхай суманд шавуулчихсан байсан гэдэг чинь...
- Тийм ээ. Зун тээр доод хоолойд (заав) бараан ба цагаан зүсмийн морьтон цэргийн хооронд тулалдах "тоглоом" явуулсан юмаа. Би цагаан зүсийн морьтонгуудыг толгойлж нөгөө талыг гэнэдүүлэхээр нуугдсан байлаа. Болзсон мөч ойртож яг дайрах гэж байтал миний хажууд байсан хатантан маань саваагүйтсэн ч юм уу, аль эсвэл морь нь амаа авсан ч юм уу гэнэт ухасхийн давхив. Би айлгах санаатай мохоо сум тавих гээд андуурч дуут сумаар харвачихжээ гээд хэсэгхэн зуур дуугүй болов.
"Хорвоо гэж хэцүү юм даа. Энэ маань ийм залуугаараа яасан ч их зовлон эдэлж явна даа" хэмээн бодсон Зэстэлэнги,
- Дээд тэнгэр минь өршөө! гэв. Модун уртаар сүүрс алдсанаа,
- Намайг дуут сум тавихаар цэргүүд дохио өгөв гэж бодоцгоосон байлгүй бас харвацгаажээ. Ийм л юм болсон доо.
- Энд таныг буруутгах арга алга шиг санагдана.
- Харин хатанг хайрлаад харваагүй цөөн хүнийг тэр дор нь гэсгээн хатанг дагалдуулан хөдөөлүүлсэн гэхэд Зэстэлэнги давхийв.
Тэд явсаар нэгэн ухаагийн шил дээр гарч ирээд умар зүг үүдэвчийг чиглүүлсэн, чулуун далан хашлага бүхий булшны дэргэд ирж дөрөө мултлав. Хатантанг өөрийн эрхгүй харвалцаж, амийг нь хөнөөх аймшигт явдалд оролцсон хэдэн зуун цэрэг эрс болгоомжилсон аятай сум тусах зайд тэр хоёрыг хүрээлэн толгой гудайлган зогслоо. Зүрх зориг муутайхан заримууд нь ар эгнээг барьж өвөр хоорондоо,
- Санаандгүй сумаа тавиагүй бол ч өдийд хатантанг дагаад дээд тэнгэрт одсон байх байсан шүү.
- Би л лав сумаа дээгүүр нь хий явуулчихсан даг.
- Ай бүү мэд, харин чиний сум зүрхэнд нь туссан юм билүү. Хэн мэднэ.
- Энэ дуут сумыг хэн гэгч золиг нь сэдсэн юм бол. Ер нь ихээхэн уршиг тарьж мэдэх эд шүү!
- Модун сэдэж, Хүрэлдэй ван хийсэн гэнэ билээ.
- Удахгүй Шаньюйн өргөө тийш хөдөлж төрийн их ав хоморгод оролцох дуулдсан. Дайны хажуугаар дажин гэж хил хязгаар амгалан биш байхад юу ч билээ дээ.
- Хатантанг хөдөөлүүлэхдээ сувдан шигтгээтэй алтан ээмэг, хүрэл завъяаг нь хүртэл дагалдуулсан гэнэ билээ. Дуулсан уу?
- Үгүй чиш-ш! Амаа тат... гэхчилэнгээр унхиа муутайхан яриа шивэр авир сонсогдож байлаа.
Төдөлгүй Модун, Зэстэлэнги нар мориндоо мордож булшийг нар зөв тойроод хөхрөн униартах хөндий рүү жолоог залах үед ув улаан наран Алтайн их уулсын цаагуур шингэж байв.
- Өнөө шөнөдөө тэр нуурын хөвөөнд хоноод маргааш "байлдъя", тэхдээ шөнө дундаас хойш чи халзан морьтонгуудаа аваад холдсон байна шүү. Тэгээд бага үдийн хэрд би өөрийн хул морьтонгуудтайгаа хавцлын аманд ойртон ирэх үед "тэнгэрийн хүлэг" цагаан морийг хөөж гарга! гэж Модунг бодлогошрон хэлэхэд эмээл дээрээ ялимгүй хазгай сууж явсан Зэстэлэнги нөгөө тал руугаа сэлгэн суугаад,
- Харамсалтай л байна. Хайран хүлэг, хүн амьтан юу гэх билээ. Өөр зам алга уу гэхэд,
- Зам алга. Тэгээд ч өчилгүй дагахыг дахин нэг сонжихгүй бол болохгүй байна. Энэ бүхэн хэтдээ улс гэрийн маань хувь тавилантай нийцнэ. Дээд тэнгэр, өвөг дээдсийн сүнс сүлд өршөөх болтугай! гэв.
- Модун би ердөө ойлгохгүй байна?
- Чи ойлгох болно. Одоо үүнээс өөр зүйлийг би чамд хэлж үл чадна
- Ай мэдэхгүй. Хатантанг ч яахав. Сум андуурч тавиад алчихаж гэхэд унаж явсан хүлэг морио золиосонд зориуд гаргах гэдэг ой тойнд бууж өгөхгүй байна.
- Зэстэлэнги вантан! Хатнаа харван хөнөөсөн намайг бараг л бүгдээрээ хялайн харж байна. Одоо хайртай хүлгээ золиосонд гаргахаар юу гэж хэлэхийг би тааварлаж байна. Шаньюйн өргөөнийхөн намайг солиотой болжээ гэцгээдэг гэнэ лээ. Харин чи юу бодож байна даа? гэж асуухад,
"Энэ Модун солиорчихсон биш байгаа даа" хэмээн бодсон Зэстэлэнги цочиж,
- Солиорох оо?... Аа золиг. Тантай хэдэн өдөр хамт явлаа. За жаахан хатируулах уу даа... гэж дүйвүүлэв.
- Зэстэлэнги вантан танд би төрийн ав хоморго яаж хийх талаар бодож явдгаа хэлж өгөх үү гэж Модунг ярианыхаа өнгийг өөрчлөхөд "Энэ маань хүний бодсоныг нэвт шувт мэдчихдэг юм биш байгаа. Хүмүүс Модунг нэг л ер бишийн гээд байдаг нь ортой байж магадгүй нь" хэмээн бодох зуур,
- Тэгээч! гэж баран уулга алдахад Модун,
- Төрийн ав хоморго хийж буй нь гэж баахан цэрэг хөдөлгөөд алдуул мал хөөх гэж байгаа юм шиг дур дураараа давхилдаж морьдоо эцээдгийг халах хэрэгтэй. Тэгээд яах вэ? гэвэл ав хоморгыг дайн тулаанд яаж орохыг дуурайн явуулбал зохино. Үлгэрлэвэл, авлалтанд нэг мянгат оролцох юм аа гэж үзвэл тэднийг аравт буюу сумчинд /годилд/ хувааж, аравт бүрийг бага засуулаар ахлуулна. Тэдний дээр гурав хүртэл их засуул тавьж, мянгатаа баруун зүүн жигүүр болгон хувааж цуваагаар хагас нум хэлбэртэй явуулна. Цувааны толгойд яваа хүнд пайз өгнө. Пайз авч яваа хоёр жигүүрийн хүн уулзангуутаа пайзаа солилцон, үзүүр нийлсний тэмдэг болгож "малгай" гэж хашгираад дуугүй болно. Энэ мөчөөс эхлээд бүтэн тойрог үүсгэж аажмаар хоморголох газар луу хумиж эхэлнэ. Хэн нэг нь хэт урагшлах, эсвэл хоцрохоос сэрэмжилж ахлах засуулууд дэг журам сахиулна. Эвэртэн туурайтан ангуучид суурь буюу төвд сууж хүлээнэ.
Төвд ойролцоох аравтыг төвийн годил, дараагийн аравтыг гол сүв, түүний дараагийнхныг нугархай сүв, дараагийнхыг цуваа гээд сүүлчийнхийг үзүүр годил гэж нэрлэнэ. Харин ачаа хөсгөө хоморголох газраас хол саахалтын хэр далд байлгавал зохино. Ямар вэ? гэв.
- Жуки... ээ... ээ Модун! Энэ санаагаа хүнд хэлсэн үү?
- Захиа бичээд, зураг хавсаргаж Жуки, Хүрэлдэй ах хоёрт явуулчихсан.
- Шаньюйд хэл хүргэв үү?
- Шаньюйд уу?... Шаньюйд... Шаньюйд хараахан мэдэгдээгүй байгаа. Төрийн их ав хоморго хийх үед хэлсү. Магадгүй Жуки, Хүрэлдэй вантан хоёр зөвшөөрвөл түүгээрээ Шаньюйд хэлэх байлгүй.
- Тийм нь тийм. Тэхдээ шаньюйд эхлэн мэдэгдэж байх ёстой бус уу гээд Модунгийн нүүр өөд харахад түүний дух нь цайж, нүд нь өлөн барынх шиг жартайн, шүдээ тас зуусандаа хоёр шанаа нь гүрвэлзэж байв. Тэрбээр,
- Зэстэлэнги вантаан! Жаахан шогших уу даа! гэснээ намрын дунд сар шувтрах дөхөж байна. Нөгөөдөр хүлгийн жолоог Шаньюйн өргөө тийш эргүүлж төрийн их ав хоморгод оролцсугай! гэлээ.


Top
   
PostPosted: Apr.19.15 11:08 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Энэ номыг маань уншиж байгаа хүн байгаа юм уу дааа... чааваас


Top
   
PostPosted: Apr.19.15 11:10 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бууж өглөө


Top
   
PostPosted: Apr.19.15 11:14 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 136
Location: UB
Хүүе уншиж байгаа шүү. Хүмүүсээ бичээрэй. Харин хоймсон роман гэдэг чинь ямар романыг хэлдэг билээ: 2 дэвтэртэй гэсэн үг гг

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Apr.19.15 11:54 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 111
Уншиж бга шүү замын дундаас буцахгүй шүү блүүүүүд


Top
   
PostPosted: Apr.20.15 12:34 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: May.23.14 12:12 pm
Posts: 34
Маш их шимтэн уншиж бгаа шүү. Үргэлжлүүлээрэй. Сайхан ном оруулж байгаад баярлалаа.


Top
   
PostPosted: Apr.20.15 4:07 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 886
уншжаагаа уншжаагаа


Top
   
PostPosted: Apr.20.15 12:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2008
Location: Nothins that bad if it feels good
humuus unshij bgaagaa bicheed yvbal ug n zuer yum shuudee, gyls login hiigeel bicheed bolooshd,bi ch bas unshjaagaa shuu
bloodoo negent oruulaad ehelsen yum chn duusgachihaa, zavgui bsn humuus n ergej unshin, daraa humuus ch bas bichseniig chn unshin shuudee :-D
uneheer ih bayrllaa :cheerleader:

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited