#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.28.17 3:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Apr.20.15 12:51 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ТӨРИЙН ИХ АВ ХОМОРГО
Ав хоморго хийх газрыг аль хэдүйнээ сонгож, төв гал байрлах тэнүүн сайхан дэнж дээрШ Шаньюйн аяны гэрийг барьж, ойр орчмын нутгаас түрүүлж ирсэн вангууд орж гарна.
Хамгийн түрүүнд Хүнүйн голоос Гийгун, Хар бухын голд намаржиж байгаа Хүрэлдэй нар бие хамгаалах торгон цэрэг, авд оролцох тусгай зуутаа дагуулан ирцгээж, Шаньюйн аяны гэрээс бараа харагдах газарт айлсан отоглов.
Сойлго нь таарсан аргамаг хөлгүүд уяан дээрээ тогтож ядан, эздээ хүлээн байхуйд улай гарахыг зөнгөөрөө мэдэрсэн махчин шувууд огторгуйн мандалд элин халин эргэлдэнэ.
Вангууд Шаньюйн аяны гэрт цугларав. Хэдүйгээр аяны гэр боловч гоёмсог хээ хуар бүхий ширдэг өвч дэвсэж, аяны ширээ засаад, намар цагийн зузаан өрөм, ааруул, ээзгий, бяслаг тэргүүтнийг өрж, зарц барлагууд том том модон хулаар айраг сөгнөн нааш цааш холхилдоно.
..."Модун байдаггүй шүү. Наашаа гарлаа гэсэн. Баттай мэдээгээр бол өөрийн түмтээ авч хөдөлсөн бололтой. Өнөөдөр Тахугийн хэлүүлснээр бол Зэстэлэнгийг түмэн цэрэгтэйгээ Онгийн голд орхиод өөрөө мянгатын нэг ноёнтойгоо нааш хөдөлсөн юм байж... Өчигдөр Гийгун, Хүрэлдэй хоёрын надад үзүүлж хэлснээр бол Модунгийн төрийн их ав хоморгыг хийх шинэ санаа нь дажгүй ч юм шиг. Яахлаараа надад хэлдэггүй заавал энэ хоёрт бичээд байдаг билээ" хэмээн бодож хултай айргаа уух төдий суусан Түмэнгийн анхаарлыг Гийгун тасалдуулав.
- Шаньюй! Таху гуай яагаад ирэхгүй байгаа юм бол гэж Гийгуныг гэнэт асуухад "Юмыг яаж мэдэх вэ" гээд тал түмэн цэрэг татан авчирч Тахуд үлдээсэн нууц задрах вий гэж болгоомжилсон Түмэн балмагдан тэвдэж,
- Таху... ээ... юу л даа. Хөгшний нь лагшин чилээрхүү. Тэгээд ч нөгөө эрх золиг (Өбүнийг хэлж буй бололтой) анд явна энэ тэр гээд... Түүнийг харж байх нэг том албатой хоцорсон шүү гээд худал эг маг хийхэд Тахутай ойр дотны нэг залуухан ван,
- Яагаад Модун өдий хүртэл байхгүй байгаа юм бэ? хэмээн сөргүүлэн асуув. Түүнтэй зэрэгцэн суугаа айраг сархдад нилээн хөлчүүрхсэн ахимаг вантан,
- Хатнаа мажийлгалаа ч гэх шиг, хайртай морио харваж аллаа ч гэнэ үү. Бас тэр жил хурилдай хаяад л явсан... гэхэд зэвүү нь хүрсэн Гийгун,
- Би Таху гуайг яагаад ирээгүй юм бол гэж асуусан болохоос биш эзгүйд нь муу муухай юм ярих гээгүй. Та нар Модунг ирэхээр өөрөөс нь асуу. Тэр чинь бидэнтэй адил нутгийн гүнд гэдсээ илээд хэвтэж байгаа биш шүү. Хил хязгаарт сууж гэрээ манаж байгаа хүн хэмээн өмөөрөхүйд Шаньюй,
- Тийм ээ. Модунг ирэхээр... гээд царай нь хувирч, ирэхээр асуух нь зөв. Одоо би та нарт төрийн их ав хоморго хийх цоо шинэ журам хэлж өгсү гээд зургийг нийтэд үзүүлэн "Миний хүүгийн санаа миний санаа" гэсэн аятай додигор байлаа. Вангууд,
- Энэ ч сонин санаа байна шүү.
- Шаньюй хашир хүн. Цаанаа нэгийг бодоо биз.
- Яг л байлдаан болохыг дүрслэн харуулсан юм аа даа гэхчилэнгээр дор бүрийдээ дэмжив.
Түрүүхэн Модунг муучилж байсан хижээл ван,
- Манай шаньюй аргагүй л ухаантай хүн шүү. Ан хийж буй нь гээд эмх замбараагүй давхилдаж явдгийг одоо л нэг зогсоох нь шиг байна... гэж ичгүүргүйгээр долигоноход сэтгэл нь зовсон Түмэн үгийг нь тасалж,
- Үүнийг би сэдсэн юм биш ээ гэхэд "Манай шаньюй овоо л доо. Одоо л биднийгээ оройлж нэг юманд хүргэх нь шиг байна" гэж бодож суусан ихэнх вангууд гайхаж, заримууд нь "тэгж л таарнаа, арай л өөр байсан юм" хэмээн бодлоо өөрчлөхөд хүрч билээ.
Хүмүүсийн маргаан, шуугиан намдах мөчийг ашиглан Түмэн,
- Энэ бол Модунгийн санаа байгаа юм. Хүү маань аль хэдийнээ наашаа хөдөлж. Гэхдээ амжиж ирээгүй байна. Юу ч гэсэн төрийн их ав хоморгыг шинэ байдлаар явуулъя. Ингээд тохирох шив дээ гэхэд вангууд толгой дохиж, Шаньюйн санаа байх хэмээн долигонож хүндээ хөнгөнөөс өгсөн нь хүртэл арга буюу дагалдав.
Шаньюйн аяны гэрт өглөө эхэлсэн яриа нар гудайж байхад дууслаа. Ав хоморго хийх өдрийг товлон, дараагаар нь Хүннү уулын тайлга хийж, дээд тэнгэртээ олз омгоосоо хүртээхээр тохирч өндөрлөв.
Маргааш нь бага үдийн хирд баруун зүгт их тоос босч тал нутгийн сонор соргог хүмүүсийн чихэнд олон зуун морьдын хөлийн пижигнэсэн чимээ алсаас сонсогдон ойртон ойртсоор байв. Төдөлгүй араараа модтой шовгор өнчин уулыг ороон цэргийн цувааны түрүүч гарч ирснээ огцом эргэж хойт хөндий уруудан бяцхан нуурын ойролцоо буудаллаж эхлэв.
Аяны гэртээ тухлан суусан Шаньюйд энэ тухай мэдэгдэхэд тэрбээр юун хүмүүс болохыг мэдэхээр бие хамгаалах шадар цэргийн ахлагчийг явуулав. Шаньюйн шадар цэргүүд, зарц барлагууд өвөр хоорондоо,
- Лав мянга орчим хүн байх шиг байна.
- Хараач! Дандаа хул морьтой юм. Модун морьдын зүсэм нийлүүлдэг гэсэн. Энэ лав Модун байлгүй!
- Ай бүү мэд. Модун бол эхлээд эцэгтэйгээ уулзмаар юм.
- Модун байх аа. Тэр чинь солиорчихсон гэх чинь билээ.
- Дуугаа тат. Тэнгэр удамт хүнийг тэгж хэлж болохгүй!
- Солиороогүй юм бол юу гэж хатнаа, морио харваж байдаг юм бэ?
- Аяар гэм чи. Хамрын доорх хагархайгаа барьж байхгүй бол хожимдох вий гэхчилэнгээр бурцгаахуйд, Модунг аль болохоор муучлахыг оролдож хорон үг хавчуулж зогссон майга хөлтэй, нахиу хамартай нэгэн бээр олноос содон төрсөн биеэ мэдэгдэхгүйг хичээн хүмүүсийн дунд шурган орж алга болоход "хамар доорх хагархайгаа барьж бай" гэж сургамжилж байсан өвгөн сая ухаарав бололтой хажуу дахь нөхрөөсөө,
- Сая энд зогсож байсан амьтан чинь хаанахын хэн байв аа? Огт хараагүй юм байх чинь гэхэд нөгөөх нь,
- Аа цус! Олз хайсан тэнэмэл биз. Үгүй байз тэр чинь хаачив аа? Эртээд Таху гуайн гэрээс гарч байсан санагдах чинь гээд олны дундаас олж харахыг хичээв.
Нилээд хугацаа өнгөрсний дараа шадар цэргийн ахлах буцаж ирээд хэнтэй ч дуугаралгүй шууд Шаньюйн гэрт яваад орчихов.
- За хөө, юун хүмүүс ирээд байна? гэж тарган мах огтлон идэж суусан Шаньюйг асуухад,
- Модунгийн бие хамгаалах шадар цэрэг юм байна гэхэд Шаньюй идэж байсан махаа орхиод,
- Тэгээд Модун байна уу? гэж сандран асуув.
- Өөрөө алга. Энэ мянгатаа ав хийх газар очиж бай гэчихээд өчигдөр орой гурван зуу орчим цэрэгтэй зүүн хойшоо явсан юм байх.
- Мөөн. Тэгээд хэзээ ирэх гэнэ мэдэв үү?
- Алс хязгаарт олон жил суулаа. Нэгэнт ирснийх ганц хоёр айлаар ороод, товлосон өдөр саадгүй ирж ав хоморгод оролцоно гэсэн юм аа даа. Харин ямар нэгэн саад тохиолдоод очиж амжихгүй бол мянгатын ноёноо оролц! гэсэн юм байна.
- Тэр мянгатын ноён нь хаанахын хэн гэгч юм бол. Чи мэдэв үү?
- Мэдсэн. Тэр ноёнтой л ярилаа. Саяхнаас Модунтай шадарладаг болсон юм байна. Хэцүү /Хүннүгийн хорин дөрвөн аймгийн нэг/ аймгийн хүн. Цэргүүдээ жаахан төвхнүүлчихээд өөрөө ирж тантай уулзана гэсэн.
- За ойлголоо. Чи явж бай. Харуул хамгаалалтыг чангатга! гэв. Шадар цэргийн ахлагч гарсны дараа аяны ханхай гэрт ганцаараа үлдсэн Түмэн "Нэг л биш дээ. Модун чи юу л хийгээд байна даа. Ээж чинь дандаа зүүдэнд үзэгдэх боллоо. Чи ер нь яагаад дөлж давхиад байна? Би яах ёстой вэ? Нэг юм сэдсэн гэж Таху ван эртээд хэлсэн. Тэр чухам юу юм бол. Ав хоморгын дараа л гээд байсан. За юу л болвол болог. Модун! Модун хүү минь! Үртэй хүн жаргадаг гэж ярьдагсан. Би жаргах биш зовж яваа бус уу... Хэнээс болов. Чамаас уу... үгүй ээ... надаас... Төрсөн эцгээс чинь, надаас... Үгүй ээ, Тахугаас... Тиймээ, Тахугаас болов. Дээд тэнгэр минь өршөө" гэж бодож суутал сөхөөстэй үүдээр орж ирсэн хуй салхи тулган дахь үнсийг хөөрөгдөн бодлыг нь сарниулав.
Аль хэдүйнээ үдэш болж, намрын шөнийн тэнгэрт түг түмэн одод анивчина. Вангуудын маргаанд залхаж гүйцсэн Шаньюй хэвтэх гэж байтал харуулын ахлагч орж ирээд,
- Шаньюй! Баруун уулын оройд гэнэт их гал оволзлоо. Түймэр арай биш шиг байна! Уулын оройгоос түймэр гармааргүй юм гэхэд Шаньюй,
- Ямар учиртай юм бол гарч харсу гээд бослоо.
Тэднийг гэрээс гарч ирэхэд баруун урагш чигтэй алсад гал дүрэлзэн ассанаа түүнээс бүр хол бололтой бас нэгэн гал шөнийн түнэр харанхуйд тодоос тод харагджээ.
- Яахлаараа байлдааны дохио шиг дуу дуугаа авалцан харанхуй шөнө зэрэг зэрэг гал асдаг байна аа! гэж харуулын ахлагчийг асуухад Шаньюй,
- Аа! Энэ ер бишийн гал шиг байна. Энэ бол хэн нэг нь ар тийшээ дохио өгч буй бололтой. Чи бушуу яваад мянгатын ноёныг дууд! гэв.
Түмэн тэртээд дараа дараагаар дүрэлзэн асах галыг харж нилээд зогссоноо гэрт орлоо. Аргалын гал унтарч, асаасан дэн хаяагаар орох салхинд бөхөлзөж гэрийн дотор тавгүйхэн байлаа.
"Энэ гал хэний дохио вэ? Лав л вангууд үүнийг хийгээгүй. Яахлаараа баруун урагш чигтэй байдаг билээ. Модун... Модун дохио өгснөөс зайлав гэж үү. Юэчжийнхэн манай эртний энэ аргыг хэрэглэж байна гэж дуулдсан. Энд тэдний туршуул байгаа юм болов уу. Үгүй байлтай билээ. Хэн бэ? Модунгаас зайлав гэж үү! Ямар учиртай дохио вэ? Өөрөө мянган цэрэгтэй ирсэн бололтой. Араасаа цэрэг дуудлаа гэхэд хэд хонож ирэх билээ. Магадгүй... Онгийн голд буй их хүч нь өнөө шөнө хөдөлбөл нөгөөдөр энд ирсэн байж таарна. Юуны учир дуудах билээ. Үймээн самуун дэгдээх байсан бол шууд л түмтээ аваад ирмээр. Ер нь их ав хоморго дууссаны дараа... Хүннү уулын тайлгын бөгсөнд нэг юм хийхгүй бол горьгүй нь бололтой" гэж бодож байгаад зүүрмэглэв.
...Төрийн их ав хоморго цагтаа эхлэв. Шаньюй болон аймгийн вангууд отох төвд цөөн тооны цэрэгтэй үлдэж, хэдэн мянган цэрэг эрс хоёр жигүүрт хуваагдан цуваагаар хөдлөөд удаагүй байтал эсрэг талаас гурван зуу гаруй морьтон эрчээрээ гарч ирээд Шаньюйн аяны гэрийг чиглэн яах ийхийн зуургүй давхилдан ирэв.
- Энэ чинь юун хүмүүс байдаг билээ гээд гадаа эсгий дээр сууж байсан Шаньюйг өндийхөд вангууд дагалдан боссоноо,
- Аа мэдэхгүй!
- Зүүн урдаас ирэхийг бодвол Чулуудай ван юм болов уу?
- Биш байх аа. Дунхугийн хил орчимд тайван биш байгаа гээ биз. Тийм үед Чулуудай ирэхгүй ээ!
- Тэр түрүүлэн ирж яваа чинь Модунтай төстэй юм уу даа!
- Тийм байна шүү.
- Оройтоод тэвдэж явна даа янз нь гэцгээлээ. Ирж яваа цэргийн тэргүүнд Модун давхиж явлаа.
Хүүгээ таньсан Шаньюй,
- Модун, Модун байна. Хүү минь! гээд өөдөөс нь алхав. Тэр хоёрын хоорондох зай ойртсоор. Гэнэт Модун мориныхоо амыг татаж зогтусахад ер бишийн исгэрэх содон дуу гарч Түмэн шаньюй суманд шавуулан унав. Учраа олж ядсан вангууд амаа ангайн, хүн чулуу шиг хөшчихсөн зогсоцгооно. Төдөлгүй Модун ойртон ирээд,
- Вангууд аа! Миний эцэг, Түмэн шаньюй өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн газар шороог дайсанд найр тавин өгч, зон олонд зовлон гамшиг авчирсан тул дээд тэнгэр цээрлүүллээ.
Энэ мөчөөс миний бие Хүннү улсын шаньюй болов гэхэд вангууд, тэнд байсан цэргүүд үг дуугүй сөгдлөө.
- Дээд тэнгэрийг хилэгнүүлсэн хэн боловч ийм байдалд хүрнэ гэдгийг бүү мартагтун! гэж сүрдэм чанга дуугаар зарлиг буулгав. Тэрбээр цааш нь,
- Урьд шөнө их гал дараа дараагаа ассан явдал бол Онгийн голд байгаа түмэн цэргээ нааш хөдөлгө! гэсэн миний дохио билээ. Тийм болохоор энээ тэрээ атгаг санаа байж болохгүй. Их ав хоморгыг зогсоож, миний эцгийг хөдөөлүүлэх ёслолыг үйлдсүгэй! гэлээ...
Манай эриний өмнөх 209 оны намрын төрийн ИХ АВ ХОМОРГО ийнхүү төгсчүхэй.


Top
   
PostPosted: Apr.20.15 2:49 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Энэ зохиолд унаа морио ХҮЛЭГ гэж бичсэн байх юм. Энийг нь уяа хүлээсийг хэлнэ гэж ойлгож байгаа тул ХӨЛӨГ гэж аминдаа залруулж оруулаад байгаа шүү. Санаа оноо байвал бичээрэй найз нараа


Top
   
PostPosted: Apr.20.15 3:03 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ТЭНГЭРИЙН ХӨЛГИЙГ ЧИНЬ ҮЗЬЕ
Модун эцгийгээ алсан жилийн өвөл их зуд болж, мал үй олноороо үхэж, үл мэдэгдэх хачин өвчин гарсныг хүмүүс дээд тэнгэр хилэгнэлээ хэмээн Модунд бүх бурууг тохож байлаа.
Модунд хорссон Шувуу аймгийнхан түүний тухай ийн элдэв цуу тарааж, зайлуулахыг хүртэл шаардах болсон аж. Залуу Шаньюй сүүлийн үед өргөөндөө тогтож суухаа больж Тэлэнгид аймгийн ван Зэстэлэнгийнд байнга очих болсон нь цаанаа учиртай байв.
Төдөлгүй Модун шаньюй Зэстэлэнги вангийн дүү бүсгүйг хатнаа болгон авах гэнэ гэсэн яриа амнаас ам дамжих болсон нь үнэний хувьтай агаад энэ удаа Модун Алтайн ар хормойгоор нүүдэллэж буй Зэстэлэнги вангийнд очихоор яваад удаж байв.
Зовж зүдэрч өвлийг даваад арай гэж урин дулаантай золгоод амсхийж байтал Дунху /Одоогийн манжуурын баруун өмнөд нутгаар амьдарч байсан нүүдэл аймаг. Хожимоо Сяньби (Сүмбэ) гэж нэрлэгдэх болсон/ аймгаас гэв гэнэт сүр бараа болсон элч довтолгон ирж Шаньюйтай уулзахыг шаарджээ.
Дунхугийн элч Шаньюйн өргөөнд ирэхэд ёслолын түшмэл төрийн ёс горимыг мэддэг, тэгээд ч одоогоор өргөөнд байгаа хамгийн "том" хүний хувьд элчид тусгай гэр бариулан найрсгаар угтан авчээ.
Дунхугийн элч гэх ширвээ сахалтай, хөлс дааварласан улаан царайтай эр хонины тарган мах зооглож, урд газрын хатуу хар архи болон шимийн архины толгой дураараа хүртэн халамцаж согтохоороо "Бид нутгаас гараад ихэд удав. Та нар Шаньюйтай зориуд уулзуулахгүй өдөөн хатгаж байна. Бид буцна" хэмээн сүржигнэх буюу заримдаа "Хөрш улсын элчийг саатуулсан та нар юу болохыг хараарай гайгүй. Манай их цэрэг үүнийг тэвчихгүй шүү" гэх ба сүүлийн үед бүүр ёс бусаар хараан доромжлох болсон ажээ.
Ёслолын түшмэл их юм үзэж, нүд тайлсан хашир хүний хувьд Дунхугийн элчийн эвийг олж аргалан, удахгүй буцаж ирэх ёстой Модунг хүлээж гэрийн гадаа саравчлан суудаг бэрх үүрэгтэй болов.
Тэрбээр, Хүннү гүрний хүчин мөхөс, зон олны сэтгэл гутранги, мал сүрэг их хорогдсон, залуу Шаньюй хүчээ авч чадаагүй байгаа ийм нөхцөлд харь улстай шөргөөлцвөөс улс гэрийн голомтод ус хийсэн хэрэг гэдгийг ч зөн билэг, угаас заяасан өөрийн хэрсүү ухаанаараа хэнээс ч илүү ойлгож байлаа.
Дунхугийн элчийн зорилгыг урьдчилан мэдэхийг хичээж үг өдсөн боловч элчтэн бас л хашир нэгэн тул согтсон ч ам үл алдана.
Элч ирээд хориод хонож байтал Модун буцаж иржээ. Шаньюй буцаж ирсэн тухай мэдээ авсан элч архи уухаа больж, Шаньюй хэдийд хүлээж авах бол хэмээн орж гаран, хэзээний танил болсон ёслолыг түшмэлийг тээр хол явахад нь хүртэл даллаж дуудан хоргоох аж. Нэг удаа ёслолыг түшмэл элчийн байрлаж буй гэрт орж ирэхэд тэрбээр ёозгүй царайлан,
- Шаньюй ирээд хэд хонов. Юуны учир Дунхугийн их эзний элчийг хүлээж авахгүй байна. Бид маргааш, нөгөөдрөөс буцах минь хэмээн сүр далайлгахад,
- Элчтэн та дахиад хэд хоног хүлээхээс өөр аргагүй боллоо гэхэд омог нь шатсан элч, "Муусайн малууд, гайгүй ээ та нарыг шалчийтал буугаад өгөхийг чинь харамз. Муусайн бүдүүлгүүд та нарт байлдах тэнхээ байх биш" гэж бодонгоо
- За яахав. Танайхан давс хийвэл уустал гэдэг байх аа. Аливаад ч бас тэвчээр алдах гэж бий гээд явган ширээн дээрх зэс гүцтэй архинаас тагшинд хийж хөнтрөв.
- Эрхэм элчтэн таныг ирнэ гэж бодож байгаагүйгээс ийнхүү хамаг ажил цалгардлаа. Уг нь зорьж ирсэн хэргээ эртхэн хэлчихсэн бол... гэтэл элчийн уур шатаж,
- Үгүй ингэхэд чи Шаньюй биш биз аан! гэв.
- Үгүй л дээ.
- Тэгвэл чи юунд ингэж үг алдуулах гээд байдаг юм бэ?
- Уг нь хэрэг зоригийг тань шулуутгах гэсэндээ л тэр! Манай Хүннү улсын уламжлал ёсоор аливаа орны элч зардсыг хүлээн авах, дайн байлдаан хийх эсэх зэрэг хэргийг зөвхөн хорин дөрвөн аймгийн вангуудын хурилдайгаар шийддэг юм гэхэд элч үгийг нь тасалж,
- Би мэднэ. Одоо тэгээд бас хурилдай хийхийг хүлээх болж байна уу? гэлээ.
- Тийм ээ.
- Юу... юу гэнээ чи?
- Тийм ээ. Та жаахан тогтож хайрла. Шаньюйг ирэхээс өмнө миний бие бүх вангуудад хэл хүргүүлсэн нь онож түрүүч нь өнөөдрөөс ирж байна. Зарим вангууд алс хязгаарт байх тул хараахан амжиж ирээгүй байна хэмээн учирлахад "Тэр олон вангууд гэдэг чинь чоно адил дайрдаг, үг ч сонсдоггүй гайхлууд гэсэн. Би ганцаар тэд олуулаа. Болгоомжтой байхгүй бол тэр зэрлэг Жукид ч юм уу аль нэгэнд нь тас цавчуулж мэдэх шүү" хэмээн бодсон элчтэн арай зөөлөрч,
- Танай ёс тиймээс хойш яая гэхэв дээ. Хүлээхээс биш! гэв.
...Шаньюйн ёслолын өргөөнд харийн орны элчийг хүлээн авах бэлтгэлийг ёсчлон хангасан байлаа. Модун, Шаньюйн суудалд сууснаас хойш анх удаа энэ хурилдай болж буй бөлгөө.
Түмэн шаньюйн сүүлчийн хурилдай дээр шуугилдан, зарим нь хурилдай хаяж тараасан вангууд өнөөдөр бүлх залгичихсан юм шиг пөөвийн сууна.
Энэ хурилдайд бүх вангууд цугласан аж. Гаднаас төрийн ёслолын түшмэл орж ирээд,
- Шаньюй! Дунхугийн элч гадаа ирээд байна гэв.
- Оруултугай! гэсэн сэтгэлд хүйт оруулсан, захирангуй дуу сонсогдоход,
- Жа! гээд ёслолын түшмэл гарав.
Удалгүй элч хоёр дагуултай орж ирээд "Нөгөөх аймшигт залуу Шаньюй аль нь юм бол" гэсэн шиг тойруулан харав. Өргөөнд нам гүм. Гэнэт баруун хойд талд суугаа буурал үстэй, жартгардуу нүдтэй, хүйтэн харцтай горзгор залуу,
- Элчийн үгийг сонсоё! гэхэд ёслолын түшмэл элчид хандаж,
- Хүннү улсын их Шаньюй, та бүгдийн үгийг сонсоё гэж байна гэв. Элч өнөөх залууг Шаньюй гэдгийг мэдээд урагш дахин нэг алхаж мэхийн хүндэтгэл үзүүлээд,
- Манай Дунхугийн эзэн, залуу Шаньюй таны амар мэндийг эрэхийн ялдамд шаньюй Түмэн насан өөд болсонд харамсаж байгааг илэрхийлж байна гэв. Элчийн ярианы өнгө дээрэлхүү агаад Түмэн насан өөд болсон гэдгийг битүүлэг байдлаар (алагдсанд хэмээн) нийтэд мэдэгдэхүйцээр тавлан хэлэв. Үүнийг ойлгосон вангууд Шаньюй "Юу гэх бол" хэмээн Модунг ажиглацгаахад түүний царай ер өөрчлөгдсөн шинжгүй хээв нэг суух бөгөөд,
- Дунхугийн элч таануус аян замдаа гарав уу. Би хол ойр ажилтай яваад та нарыг хүлээлгэж чилээв үү гэхүйд,
- Шаньюй! Танд гялайлаа. Уг нь түргэн буцах учиртай. Гэхдээ хэрэг зоригоо бүтээлгүй буцах нь зүйд үл нийцмой. Хэрэв та болгоовол хэлэх зүйлээ энэ тэр гэлгүй шууд өчсүгэй!
- Хэлтүгэй! гэв. Элч өргөөнд морилж буй Хүннү улсын ихэс дээдсийг тойруулж харснаа,
- Манай Дунхугийн эзэн таны эцэг Түмэн шаньюйтай харилцан найрсаг байх тохиролцоотойг та мэдэх буй заа.
- Мэднэ!
- Тэхлээр тэр тохиролцоог залуу Шаньюй юу гэж үзэж буй бол!
- Хаяа нийлсэн хөрш улстайгаа эе эвтэй байхыг бид хэзээнээс эрхэмлэн ирсэн билээ. Тийм болохоор урдын юм энээ тэрээ гэх зүйлгүй болно.
- Үүнийг юугаар яаж батлах вэ?
- Хүннү улсынхаа хорин дөрвөн аймгийн вангуудын энэ хурилдай дээр хэлж байгаа минь баталгаа болно гэхэд элч "Тийм байлгүй та нар нэг л өдөр үерийн ус шиг ороод ирэхийг хэн мэдлээ. Энэ жулдрай жаал ч эцэгтэйгээ адилгүй дэгээ. Хэл мэддэг болохоор би мөн ч олон ирж байжээ. Эдний зөвлөл (хурилдай) гэгч ийм чимээгүй эмх журамтай болж байсныг мэдэхгүй юм байна. Ясан дээр хэрэлдэх нохой мэт хэн дуртай нь гуаглаж байдаг байсан биш билүү. Та нар энэ жулдрайн атганд багалзуурдуулснаас зайлав гэж үү. Болгоомжтой хэлэхгүй бол бөндгөрөөсөө салж мэдэшгүй нь бололтой" гэж бодох зуур ярианыхаа дээрэлхүү өнгийг жаахан өөрчилж,
- Баталгаа болохыг үгүй гэж байгаа юм биш билээ. Харин манай эзэн жинхэнэ биет баталгаа авч ирэхийг шаардсан гэхэд "биет баталгаа" гэгчийг сайн мэдэх Модун,
- Та хэлэх гэсэн зүйлээ тойруулалгүй шуудхан хэлчих! гэв.
- Залуу Шаньюй танд Юэчжийн эзнээс булаан авсан, өдөрт мянган ли газрыг сааталгүй туулдаг, цусаар хөлөрдөг аргамаг хөлөг байдаг гэнэ. Тэр хөлгийг манай эзэн үзэх сонирхолтой байгаа юм гэхэд дүмбийж сууцгаасан вангуудын тэвчээр алдагдаж,
- Энэ чинь тохуурхаж байна!
- Хүннүчүүд унаж яваа хүлэг морио дайсанд өгдөггүй юм!
- Энэ элчийг хөөж явуултугай!
- Шаньюй! Даруйхан мордоцгоож, Дунхуг байлдсугай!
- Өнчин ишиг ч өгөхгүй! хэмээн бөөн шуугиан дэгдэв.
Энэ мөч Шаньюйн үеийн хурилдайг санагдуулж байв. Модун ёслолын түшмэлийн дохиж ирүүлээд чихэнд нь нэг юм шивнэв.
Ёслолын түшмэл элчид ойртон мэхэсхийж "Маргааш хариуг автугай" гэж Шаньюйн хэлснийг уламжлахад Хүннү нарын догшин омголон занг мэдэх элчтэн яаран сандарч гарлаа.
Вангууд нилээд шуугилдаад зогсоход Модун,
- Дунхугийнхан биднийг тохуурхаж байна. Бид хэдий болтол ингэж суух юм бэ? Шийдвэл, миний бие гурав хоногийн дараа өөрийн түмттэйгээ энд байсугай! гэхэд Чинос /Хүннүгийн хорин дөрвөн аймгийн нэг/ аймгийн залуу ван залган авч,
- Шаньюй! Энэ Дунху нар өдөөн хатгасан тул байлдсугай. Шаньюйн аргамаг хөлгийг өгнө гэдэг бол гутамшиг гэхэд Модун,
- Өгөхгүй гэж байгаа юм биз дээ?
- Тийм ээ! гэхэд Түмэнгийн үед нилээд дээгүүр суудал эзэлдэг байсан, тэгээд Тахугийн удаа Шувуу аймгийн ахлагч болсон залуу ван Ээлиг,
- Манай хүч ямар байгаа билээ? Тэгээд ч Шаньюй Дунхугийнхний өмнө найрсаг байдлын баталгаа өгөх ёстой. Тэгэхлээр... гэтэл Гийгун үгийг нь тасалж,
- Чи тэгээд юу гэх гээд байгаа юм бэ? Морийг өгье гэж байгаа юм биш биз? гэхэд,
- Ганц морь өгснөөр Хүннү улс хоосорчихгүй байх аа гэж хариулахад вангууд дахиад шуугилдаж,
- Чи юу чалчина вэ?
- Чи л сайндаа ийм санаа гаргаж байгаа вий. Танай аймгийнхан улсын нэрийг гутаах л юм сэдэж байгаа гэцгээлээ.
Эл байдлыг ажиглаж уужуу тайван сууж байсан Хүрэлдэй,
- Вангууд аа! гээд янцаглан өндийхөд шуугиан жаахан намдлаа. Тэрбээр "Вангууд аа!" хэмээн дахин хэлээд,
- Шаньюй бидэнд Дунхугийн эзний шаардлагыг хэлснээс биш, би чидээ хүрэх юм хэлсэнгүй. Тийм болохоор одоо элчид юу гэж хариу өгөхөө ярилцвал яасан юм бэ? гэхэд Зэстэлэнги, Гийгун нарын вангууд түүнийг дэмжив.
- За яах вэ? Юэчжигээс унаж ирсэн хөлгийг минь өг гэсэн байна шүү дээ гэж Модун энэхэн мөчийг ашиглан хэлээд Дунхугийн хаанд миний аргамаг хөлөг таалагдсан болохоор өгье л дөө. Ер ч үгүй Хүннүгийн адуун сүргийн дотор үй олон аргамаг сайхан хөлгүүд байгаа гэдгийг Ээлиг ван хэлээ биз дээ. За ийм байна! гээд босоход бүгд өчилгүй дагаж өндийлөө.
Шаньюй Дунхугийнханд өдөрт мянганы газрыг сааталгүй туулдаг аргамаг хөлгөө өгч явуулсан тухай мэдээ амнаас ам дамжин, хамгийн алс бөглүү нутагт амьдарч байгаа эрүү өвдөг нь нийлсэн хөгшдийн сонорт хүртэл тэр дорхноо хүрчээ.


Top
   
PostPosted: Apr.20.15 3:26 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Bloood wrote:
Энэ зохиолд унаа морио ХҮЛЭГ гэж бичсэн байх юм. Энийг нь уяа хүлээсийг хэлнэ гэж ойлгож байгаа тул ХӨЛӨГ гэж аминдаа залруулж оруулаад байгаа шүү. Санаа оноо байвал бичээрэй найз нараа

Хүлэг нь зөв. Хурдан хүлэг, хүлэг морь, хүлэг(т) баатар гэдэг шүү дээ.
Хөлөг гэдэг үгийг хөлөг онгоц, шатрын хөлөг зэрэгт хэрэглэнэ. :col:


Top
   
PostPosted: Apr.21.15 1:09 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
манай Блооод ямар гоё ном оруулаа вэ, маш шимтэн уншлаа, өөрөө монголын хаадын түүхээр занималдаад байнаа кккк, маш зөв шүү. Харин Модун шаньюгийн тухай товч түүх л сонссон болохоос ингэж дэлгэрүүлж уншиж явсангүй, монголын түүхэнд нэр нь тод үлдсэн хаадын нэг дээ, сайхан бичсэн байнашүү, баярлалаа оруулаад байгаарай


Top
   
PostPosted: Apr.21.15 6:12 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ЯНЬЖИГАА ИРҮҮЛ
Модун шаньюй хэтдээ Орхоны их цагаан тохойд хэрмэн хот байгуулахаар мөрөөдөх агаад сэтгэлд нийцсэн тэр нутагтаа намаржиж байлаа. Тэрбээр яагаад ч юм намар намрын цагт хамгийн ойр дотно шадар хүмүүсийнхээрээ бууж мордож дуртай байв.
Эл намрын нэгэн өдөр Модун шинэ Яньжитайгаа Хүнүй голд нутаглаж байгаа Гийгуныд очихоор эртлэн мордов. Шаньюй, Яньжи хоёрыг бие хамгаалах баг цэрэг хойно урд нь зай барин дагаж явлаа.
Зөөлөн салхинд өвс халиуран найгаж, энд тэндгүй тарвага хошгочино. Усны шувууд хуран цугларч алс аянд мордох тухайгаа хэлэлцэж байгаа аятай ганганалдаж хэн хүний сэтгэлд харих цагийн аяс мэдрэгдэж үл ойлгогдох хөнгөн гуниг авчрах ажгуу. Ийм өдрүүдэд охид хөвгүүд голын хөвөөнд ч юм уу, хонины бэлчээрт уулзаж үүрд ханьсан жаргах тухайгаа сэмхэн ярилцах нь бий.
Шаньюй, Яньжи хоёр дөрөө харшуулан гэлдэрнэ.
- Та тэгээд харь газар байсан тухайгаа ярьж өгөхгүй юм уу? гэж Яньжиг шаардахад,
- Уг нь би чамд ярьж өгөхөөр амласан юм сан. Харин энэ сайхан өдөр тийм хар явдлын тухай ярих байтугай бодох ч хэрэг байна уу даа гээд Яньжийгаа энхрийлэн хараад уртаар сүүрс алдав.
- Үгүй ээ, та ярь л даа. Таны тухай хүний ам дамжсан яриа сонсож байснаас биш өөрөөс чинь сонсоогүй шүү дээ хэмээн Яньжиг шалахад,
- Тийм ээ. Дам үгэнд үнэн ч юм бий. Худал хуурмаг ч юм бий. Чи хүсээд байгаагаас хойш чамд би зах зухаас нь хэлсү гэснээ хэсэгхэн зуур бодлогошров.
- Таныг зовоочихов уу даа гэхэд,
- Үгүй ээ. Чи мэдэж байх ёстой. Чи болбоос жирийн нэг эм биш Хүннү улсын Шаньюйн Яньжи шүү дээ гээд суудлаа засч Яньжигаа харан хазгай суув.
- Миний эцэг бол эртний сурвалжит тэнгэрлиг Хуяань аймгийн хүн. Эцэг маань залуу зандан насандаа овсгоотой, хэнтэй л бол хэнтэй хэл амаа ололцож чаддаг, цагаан цайлган сэтгэлтэй хүн байсан гэдэг. Тэрбээр цэл залуу насандаа хорин дөрвөн аймгийг нэгтгэн өдгөөгийн төр улсын үндсийг ургуулж л дээ. Энэ бол эцгийн минь эрхэм сайн үйл байжээ.
Хорин дөрвөн аймгийнхан их хуралдай хийж эцэгт маань Шаньюй хэргэм өгч Хүннү гүрний Чинос аймгийн нэгэн бүсгүйг эхнэр болгон авч өгчээ. Тэр бүсгүй бол миний ээж байсан юм. Тэгээд ээжийг Шаньюйн эхнэр болмогц Яньжи гэх болжээ. Би ээжийгээ сайн санаж байна. Өндөр нуруутай, гонзгойвтор бор царайтай, яралзсан цагаан шүдтэй, хар нүдтэй, маш урт хар гэзэгтэй хүн байсан юм гээд Модунг бодлогошроход,
- Одоо байсан бол Хүрэлдэй гуайн хэрийн насны хүн байх нь ээ дээ? хэмээн Яньжи шивнэх шахам харамсан хэлээд залуугаараа бууралтаж, улс гэрийн дааж давшгүй хүнд ачааг үүрч яваа нөхрөө өрөвдөн харав.
- Тийм ээ! Ээж маань хүүхэд, хөгшин хөвөө, дээр доорд гэхгүй хэнийг боловч ав адилхан үзнэ. Ясан хуур сайхан татна. Бас уртын дуу дуулна. Найран дээр ямар ч гэсэн аавын царайг улайлгадаггүй байсан байх. Ээжийг өөд болохоос хэдэн жилийн өмнөөс аав Шувуу аймгийн Таху вантай ихэд дотно болж, аян дайн, ав хоморгод дандаа хамт явдаг болж л дээ. Тэхдээ л миний хойт эхтэй сүлбээтэй болсноор барахгүй хоёр дахь эхнэр авахаар шийдсэн гэдэг.
Шаньюй хоёр эхнэртэй байж болох боловч Яньжи нэг л байх учиртай. Тийм болохоор Таху вангийнхан миний ээжийг зайлуулах аргыг сүвэгчлэх болсон гэдэг гэхэд Яньжи,
- Пөөх! хэмээн уулга алдахад унаж явсан цоохор бор морины чих соотолзсоноо "Чүү" гэж ойлгосон хэвтэй ухасхийхэд Модун жолоогий нь авч арайхийн тогтоов.
Зүүн гар талд мэлтэлзэх нэгэн нуурын эргээр шувууд бөөгнөрөн ганганалдаж, хунгийн сүрэг бөөр нийлүүлэн нуурын мандалд хөвнө.
- Шаньюй, та тэр хунгийн сүргийг хараач! гэж Яньжи нь Модунг тайвшруулах гэсэн үү, аль эсвэл хайрын сэтгэлээ улайн цайм илчилдэггүй бүсгүй хүний намба төрхийг хадгалан "Танд хайртай шүү" гэснээ илэрхийлэх үүднээс хэлсэн үү, аль нь үл мэдэгдэн царайгаа улайлгаж цагаан шүдээ яралзуулж мишээв.
- Тийм байна. Сайхан амьтад. Энэ амьтдыг айлгах, хөнөөж сүйтгэх явдлыг эгнэгт гаргуулахгүй байх ёс тогтоох нь зүй.
- Таны түмэн зөв.
- Энэчлэн цаст уулын цоохор ирвэс мэтийг ч эмх журамгүй намнадгийг зогсоосу.
- Ёстой доо!
- Яньжи минь, энэ их шувуу, ан гөрөөс тэргүүтэнг хамаагүй авлах явдлыг бид дотроо журамлаж болно. Харин газар шороогоо хамгаалж чадахгүй бол бидний журам тоос зэрэглээ мэт хоосон болно шүү дээ гэв.
Нар жаргах дөхөж, уулын сүүдэр аажмаар ойртохуйд намаржааны айлууд үнээ малаа хурааж, оройн их ажил ундарч буй бололтой хүүхэд, хүүхнүүдийн дуун алсын алсад хүртэл сонсогдох авай.
Хэсэг зуур бодлогошрон дуугүй явсан Модун гэнэт,
- Яньжи минь, өнөө шөнө хөдөө хээр хоновол яасан юм бэ? Чи дургүйцэхгүй биз гэв.
- Тэгье. Ойрд гадаа хоноогүй юм байна шүү. Аав ээж маань том болсон бүсгүй хүүхдээ гадаа хонуулдаггүй, хадамд очсон хойно хээр гадаа хонох зохимжгүй гэсээр уджээ гэхэд Модун,
- Намар болсон болохоор шөнө жаахан сэрүүн байх болов уу! гэснээ зай барьж дагаж яваа шадар, цэргийн дарга түшмэлийг дохиж ирүүлээд,
- Өнөө шөнө тээр аманд хоноглоё. Түрүүлж хүн явуулж аргал, түлээ бэлтгүүл! Шөнөжин түүдэг асаан хоноё гэхэд түшмэл Яньжи нь юу гэх бол гэсэн шиг Яньжиг харахад цаадах нь,
- Түшмэл гуай ингэхэд айраг энэ тэр бий биз дээ? хэмээн асууснаа тас тас хийтэл хөхрөхүйд төдийлөн инээгээд байдаггүй Модун хүртэл мушилзах аядлаа.
Түшмэл төдөлгүй толгойн харуулын баг цэрэг тийш тоос татуулан давхин одлоо. Түшмэлийн морины араас амаа авч давхих гэсэн мориныхоо амыг татаад,
- Би түрүүнд юу гэж яриад зогслоо доо хэмээн Модунг асуухад,
- Ээжийг тань ад шоо үзэж эхэлсэн гэсэн шүү дээ... Хэрэв танд эвгүй байгаа бол заавал... гэтэл Модун үгийг нь тасалж,
- Үгүй ээ. би чамд бүгдийг ярих ёстой. Чи заавал мэдэж байх учиртай! гэхэд Яньжи усгал хар нүднийхээ урт сормуусыг дэрвэлзүүлэн, гүн хүндэтгэл элбэрэл хайрын харцаар эр нөхрөө урихнаар ажиглав.
- Ээж маань нэг өдөр гэнэт бие нь муудаад, царай зүс нь хөхрөн, тарчилсаар насан өөд болсон юм! хэмээн Модун өгүүлснээ "ээжий... ээж" гэж давтаад дуугүй болов.
- Та яагаав, зүгээр биз? гэж яньжиг асуухад,
- Зүгээр, зүгээр... Би ярина. Чи сайн сонсож бай! гэв.
- Нарийхан зэс зүүг үхсэн хүний хүүрэнд дүрж хэд хонуулаад тэр зүүгээрээ хүний биед үл мэдэгдэх шарх үүсгэхэд л хордож үхдэгийг Кянчууд /Төвдүүдийг эрт цагт ийн нэрлэдэг байжээ/ анх мэдсэн юм байх. Тийм аргаар ээжийг минь хөнөөснийг би хожим нь дуулсан. Миний хойд эх Яньжи болж хүү төрүүлсэн гэдгийг чи сонсохоор барахгүй мэднэ биз.
- Мэднэ. Өбүн гэж Таху гуай нэр өгсөн юм билээ. Угтаа бол Шаньюйг өвлөн залгамжлах гэсэн нууц санааг багтаасан нэр гэдэг. Хэн замд нь саад болж байна вэ гэхлээр би л байлаа. Шаньюйн зүй ёсны залгамжлагч намайг улаан цайм цааш харуулчих зүрх тэдэнд байгаагүй болохоор хэтдээ ээжийн замаар уу эсвэл өөр замаар уу гэдгийг бодоцгоох болж л дээ.
Хүннү гүрний зарим вангууд үүнээс сэрэмжилсэн ч юм уу намайг Жуки Гийгуныд явуулж цэргийн хэрэгт сургах болсон юм. Жуки бол үнэхээрийн гайхамшигтай, аргагүй л Жуки /цэцэн мэргэн/ нэрэндээ зохисон хүн. Өөлсөн хүнд бол догшин, тэхдээ их цагаан цайлан хүн шүү. Би Жукигээс их юм сурсан. Бас Жукийн багш Усун гуай байлаа. Одоо Усун өвгөн бие сэтгэл амар жаргаж суугаа.
...Гэтэл нэг өдөр эцэг намайг дуудуулсан юм. Сайндаа ч биш сандарч бачимдахдаа Юэчжид барьцаа өгөх болсон юмсанж. Тэгээд л би Юэчжийн газарт очлоо. Намайг нүүр тахалж зүгээр нэг барьцаанд өгсөн бус тэнд нь үгүй хийлгэх алсын муу хорон санаа байсан юм билээ.
Хүннүгийн талаас Юэчжийн хилийг нэг зөрчихөд миний толгой өнхрөх учиртай байж л дээ. Аз болоход тэр жил нүүдэл, суудал гээд Юэчжийн хилийн дээс алхах сөхөөтэй толгой байсангүй.
Аав маань Мэн Тянь жанжны сургаар Шар мөрний бор тохой, Иньшань нутгаа орхиж, их говийг гатлан амь наана зугатаж яваад өнө эртний өвөг дээдсийнхээ энэ нутагт арайхийн ирж учраа олж ядан байсан болохоор нэг хэсэгтээ надтай манатай байсан хэрэг гэх үү дээ. Тэгээд ч газар шороогоо найр тавин зугтсан Шаньюйг зон олон маань нэг их таашаагаагүй битүүхэндээ эсэргүүцэж байсан хэрэг. Энэ үеэс Шаньюйн нэр гудайж, Тахугийнхан сүүл өргөх болсон юм. Цагаан сарын өмнөхөн гэнэт намайг санацгааж "хишиг" өгөхөөр яаравчилсан гэдэг. Чухамдаа дээд тэнгэрийн ивээлээр тэр үед нь би нэгэн сайн санаат Хүннү бүсгүйн ачаар оргож боссон нь таарч тэдний санаа биелээгүй юм гэхэд,
- Тэр бүсгүй ямар ачтай хүн бэ? гэж Яньжи хардах өрөвдөхийг хослуулав.
- Тийм ээ. Их сайн бүсгүй. Миний оргон босох шөнө хүртэл тэр элбэрэлт бүсгүй Хүннү гэдгээ мэдүүлээгүй явсан юм. За тэгээд намайг буцаж ирснээс хойшхийг чи бүгдийг мэдэх юм чинь. Харь газар байхдаа сөөм газрынхаа төлөөнөө нэгэн биеийн жаргалын огоорон, хүний үр алхаж зүрхэлдэггүй замаар явахаар өөрөө өөртөө тангараг тавьсан юм. Хэдийд ч юм бэ? Арав, хорь, зуу, мянган жилийн дараа намайг ойлгож өршөөн хэлтрүүлэх буйзаа хэмээн сэтгэж явах юм даа гэхэд Яньжи өлгөн авч,
- Охид хөвгүүд бид хонины бэлчээр, голын зах, үнээ гүүн зэлэн дээр ер нь хаа л бол хаа таны тухай өвөр хоорондоо шивнэн ярилцдаг сан. Тэхдээ муу муухайгаар биш шүү гэхэд Модун,
- Оройтох нь шогших уу даа. Нөгөөдүүл маань отог бэлдсэн биз гээд морио зөөлөн давирав.
Давхин яваа хоёрын ойролцоох нууранд хос хун айж эмээлгүй хөвөх агаад хосоороо амьдрах гэгч хорвоогийн амьд бүхний жам, жаргал энэ болой хэмээн өөрийн эрхгүй бодогдоно.
Салхи исгэрүүлэн давхиж буй хоёрын тал хээр гэж нэрлэгдэх өөрийнхөө "нууранд" жаргаж байна уу гэлтэй. Модун яньжитайгаа Гийгуныд очоод нэг хонож байтал... "Дунхугийн элч ирлээ. Найрсаг байхын баталгаа дахин нэхжээ. Энэ удаад яньжигаа ирүүл гэжээ" гэсэн мэдээ иржүхүй.


Top
   
PostPosted: Apr.22.15 12:37 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
баярлалаа Блоодоо сонирхолтой бна шүү, хатнаа яньжи гэж нэрлэдэг байсан гэнээ, хятад үг юм шиг. Модун шаньюиг газар нутгаа маш их эрхэмлэдэг хүн бсан гэдэг юм билээ, манай бүдүүн дарга уншвал их л хэрэгтэй ном юм даа


Top
   
PostPosted: Apr.22.15 2:48 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Feb.27.13 5:20 pm
Posts: 864
Уншаад л байгаа шүү.Цуусаа

_________________
Х Ү С


Top
   
PostPosted: Apr.23.15 6:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
СӨӨМ ГАЗАР
Наран жаргах дөхөж байлаа. Их говийн элс хайргатай, нүд алдам ээрэм талын дунд онцгойрон харагдах, зүүн урагшаа сунаж тогтсон тэгшивтэр оройтой уулын зүүн хормойг эмжсэн бүдэг замаар харь улсын бололтой баг цэрэг умрыг зорин гэлдэрч явснаа нэгэн шандны дэргэд ирэв. Усны үнэр авсан морьд хамраа сарталзуулан жолоо булаана.
- Энд хоноглоод өглөө эртхэн хөдөлье гэж ширвээ сахалтай хижээлдүү эрийг хэлэхэд дөрөө харшуулан гэлдэрч явсан биерхүү булиа хархүү
-Цэргүүд ээ! Элчтэн энд хоноглоё гэж байна. Ачаагаа буулгаж, хоол унд хийцгээ! гэснээ өөрөө мориноосоо түрүүлэн бууж элчийг түшиж авав. Удаж төдөлгүй аргалын зөөлөн гал асааж, хоёр өдөр шөнө довтолгосон алжаалаа тайлж, аяны хүнсээ зооглон тухаллаа.
- Хүннүчүүд эр хүний жаргал эзгүй хээр гэдэг юм... Энэ үг ч ортой дог шүү! гэж элчийг хэлэхэд эхнэр, нялх хүү хоёроо бодож суусан бие хамгаалах баг цэргийн ахлах залуу "Юу билээ" гэсэн шиг зогссоноо,
- Ёстой доо гэж амыг нь дагуулахад,
- Энэ замаар би гурвантаа явж байна. Явах болгондоо хэргээ бүтээж байлаа. Энэ удаагийн шаардлага тун хүнд. Толгойгоо алдаж ч мэдэх юм шүү гэж гутрангуй үглээд аягатай сархдаа нэгэн амьсгаагаар хөнтрөн, аргалын галыг ширтэн гөлрөв.
Таана үнэртсэн бүлээн салхи сэвэлзэж, аргалын галыг үе үе хөөрөгдөн үнс бужигнуулна. Тэнгэрт одод түгэн анивчина.
Харуул гаргаж сэтгэл нь амарсан баг цэргийн ахлах толгой тавимагц хурхирч эхлэв. Харин элчтэнгийн нойр хулжиж элдвийг эргэцүүлэн хөрвөөнө.
..."Модун бид хоёр гурвантаа нүүр учрах болж байх шив. Уржнан чи манай анхны шаардлагаар өдөрт мянган ли газрыг сааталгүй туулдаг хүлгээ өгч билээ. Өөд болооч Тахугийн ор суусан залуу ван... аа хэн билээ дээ золиг... тэр залуу вангийн ойр дотны хэдэн вангаас бусад нь хүлэг морийг өгөхгүй энээ тэрээ болсон дог. Манай Дунхугийн эзний эгзгийг нь олдог, миний донжийг нь тааруулдаг хоёроос гарах хүн бараг үгүй биз. Ноднингийн шаардлага ч ганц гутаасан даа.
Хэдэн жилийн өмнөөс Юэчжи, манайхан битүүдээ эвсэн Хүннүчүүдийг газрын мухарт шахаж, дахиад өндийх сөгөөгүй болгосон. Тэдний хүчийг тарамдуулж чадсан... Хэрэв энэ зэрлэгүүд эв нэгдэлтэй байсан бол өдийд бид биш тэд биднээс барьцаа нэхээд сууж байхгүй юу. Модунгийн хөөрхий Яньжи замын турш усан нүдлээд явж билээ. Сайхан амьтан байсан. Их эзний гарт орсон бүсгүй тэгээд л дуусдаг хойно...
Өдийд хөөрхий муу Модун вангууддаа бариулчих шахаад сууж байгаа биз. Ер нь эд хачин улс. Эцгээ, хойт эх, төрсөн дүүгээ алчихаад, тэнгэрийн хүлэг, хайртай хатнаа харь газар барьцаанд өгчихөөд байгаа зулбасгыг Шаньюу энээ тэрээ гээд өргөмжлөөд дүмбийж байдаг. Үнэхээр л бүдүүлэг гэдэг нь үнэн бололтой" хэмээн бодож хэвттэл ойрмогхон харуул хийж байсан цэрэг дөхөж ирээд,
- Элч гуай, элчтээн! гэж зөөлөн дуудан "Алсад морин төвөргөөн сонсогдож байна. Олон хүн яваа бололтой. Яах вэ?" гэв. Элч, баг цэргийн ахлагчийг угз татан сэрээгээд,
- Цаана чинь сүйд болж байх шиг байна. Мордоход бэлтгэ. Бушуул! гэж зандарлаа. Чөдөр тушаатай морьдоо барьж эмээллэх гэж байтал түнэр харанхуйгаас хэн нэгэн хүн,
- Юун улс вэ? гэж Хүннү хэлээр асуухад сэтгэл нь ихэд түгшсэн элчтэн,
- Аа... Бид болбоос... Дунхугийн их эзний элч зардас байна. Та нар юун хүмүүс вэ? гэв.
- Бид Хүннү улсын зүүн өмнөд хилийн их отгийн мянгатынхан байна. Таануус тэвдээд хэрэггүй. Шаньюйн тушаалаар та нарыг хамгаалалтандаа авч байна гэлээ. Сэтгэл нь уужирсэн элчтэн лагхийн суув... "Эд мөн хачин улс. Бид хэлийн дээс алхаад хоёрхон хонож байхад хаа тэртээ Орхоны хөндийд байгаа Шаньюй нь мэдчихсэн байдаг. Мөн ч хачин аа. Циньчүүд эднээс айгаад түмэн газрын цагаан хэрэм босгож байдаг нь нэг учиртай. Суурин иргэд хөнжилдөө хөлбөрч байтал Хүннү улсын морьт цэргийн давалгаа хамчих юм чинь. За яамай, хязгаарын нэг ноёны ивээлд багтсан болохоор айх юмгүй" хэмээн бодлоо.
Шанд бараадаж ойртсон шөнийн энэ чимээгээр пижигнэлдэн зайлж, говийг ер бишийн дүнсгэр шөнийг цочоож амьдруулж байв.
Хүннү улсын баг цэргээр хамгаалуулсан Дунхугийн элч шаргуухан явсан боловч арав гаруй хонож Модунгийн өргөө байгаа Орхоны их цагаан тохойн зүүн урдах намхан даваан дээр гарч ирэхэд төрийн ёслолын түшмэл угтан авав. Орхоны нүд алдам хөндийд энд тэндгүй эрээн мяраан майхан дэрвэлзэж, хэдэн мянган морьтонгууд нааш цааш тоом хадуулан давхилдахыг харсан элчтэн ихэд гайхаж,
- Танайхан чинь найр наадам хийж байгаа юм уу даа хэмээн ёслолын түшмэлээс сонирхох, гайхахын хооронд асуухад,
- За тийм гэх үү дээ. Таныг нааш гарлаа гэхийг сонсоод Шаньюй вангуудыг хурилдайд дуудсан л даа. Харь орны эрхэм элчийг хурилдай хийж авдгийг та юу эс андах билээ гээд элчийг ширтэхэд,
"Гайхалтай юм. Наашаа гарсныг эзний өргөө хавиас мэдэгдсэн болох нь ээ дээ. Эдэнд хүрэхгүй газар, нүх сүв гэж байдаггүй юм байна. Эзний маань хавьд нууц туршуул байгаагаас зайлав гэж үү" гэж бодож амжсан элч бодлыг нь таачих вий гэсэн шиг болгоомжлон хуурамчаар инээн,
- Аа тийм үү. Намайг гарлаа гэдгийг салхи мэдээлдэггүй юм бол гайхалтай хурдан ирдэг юм байна! гэв.
- Өчүүхэн түшмэл би вээр мэдээ яаж ирснийг хэрхэн мэдэх билээ. Харин шаньюйг маань зөн билгээрээ юмыг урьдчилан мэдчихдэг гэцгээх бололтой гэхэд,
"Тийм бий! Чи л болсон хойно мэдээгүй байж гэнэ" гэж бодсон элчтэн эвгүй зүйл асууснаа дүйвүүлэх санаатай,
- Танай вангууд бүгд ирээ юү? гэснээ Шаньюйтай хэдийд уулзах бол! Танд сонсож мэдсэн юм байна уу? гэв.
- Сонссон!
- За ашгүй дээ. Уржнангийнх шиг хүлээгээд байвал хэцүү юм билээ. Шалавхан л буцах юмсан.
- Та зоволтгүй. Элчтэн таныг ирсний маргааш л хүлээж авна гэсэн шүү.
- Бүүр сайн байна!
- Энэ удаад... ээ... ээ... Хэрэв та болгоовол ямар хэрэг зоригтой яваасан бол? Манай шаньюй урьдаар мэдэж байвал сайн сан.
- Энэ удаад уу? гэснээ ялимгүй хэрэгтэй яваа. Хурилдай дээр сонордуулъя гээд ярвайсхийв. Тэд явсаар хүрээний хамгийн урд захад байгаа гоёмсог гэрийн гадаа ирж дөрөө мултлахуйд ёслолын түшмэл,
- Элчтэн та холын замд их ядраа буй за. Энэ гэрт морилон саатаж алжаалаа тайлж байна уу? гээд ойролцоо байгаа харуулын ахлагчийг дуудаж,
- Дунхугийн эрхэм элчийг найдвартай хамгаалж бай. Сум тусах зайнаас дотогш хэнийг ч бүү ойртуул! гэж тушаалаа.
... Хурилдайд цугларсан вангууд Шаньюйн ёслолын өргөөнд байраа эзлэн төрт ёсны намба хадгалахыг хичээн сууцгаах ажгуу.
Гэнэт Модун нам гүмийг эвдэж,
- Вангууд аа! гээд бүгдийг тойруулан харснаа Дунхугийн элч ирснийг та бүхэн мэдэж байгаа гэхэд Жуки Гийгун эхлээд,
- Дахиад л барьцаа энээ тэрээ шаардаж байгаа биз. Магадгүй энэ удаа Шувуу аймгийн эрхэм Ээлиг вантанг өг гэж байгаа ч юм билүү хэмээн битүүхэндээ ёргиход,
- Жуки! Танд би муу юм хийгээгүй санагдана. Юундаа ингэж өширхөж байдаг юм бэ? гэж Шувуу аймгийн Ээлигийг уурсахад Жуки,
- Дүү минь! Та надад муу юм хийгээгүй ээ. Харин хүний юмаар хүүдэгнэж болохгүйг сануулах үүднээс хэлэв дээ ах нь гэвэл,
- Бид юугаар хүүдэгнээ вэ?
- Юугаар гэнэ ээ! Та нарын турхиралтаар Шаньюй хүлгээ, Яньжигаа дайсанд өгөөгүй гэж үү гэтэл асар их уурласан Ээлигийн царай хөөтэй тогоог санагдуулам зэвүүн хүйтэн харагдахад хэрэг бишдэх тийшээ хандсаныг ухаарсан Хүрэлдэй өвгөн,
- Багачууд аа, тогтож хайрла. Та нар Шаньюйн өргөөнд байна шүү гэдгийг дахин сануулъя гэхэд вангууд ам амандаа,
- Тийм ээ. Шаньюйн өргөөнд байгаа бус уу!
- Гийгун чи хүнийг дандаа тохуурхаж байх юм!
- Гийгун зөв л юм хэлж байна!
- Ер нь дараагийн ээлжинд Ээлийг вантан Дунхугийн газар очоод ирнэ байгаа.
- Ёстой. Ёстой!
- Харь газарт хүн мал хоёр яаж зовдгийг үзэг! гэхчилэнгээр шуугилдаж бараг зодоон үүсэх шахсанаа "Вангууд аа!" гэх Модунгийн хүйтэн дуугаар өргөөнд аянганд цохиулсан мэт нам гүм болов.
Модун дахин бүгдийг тойруулан харж,
- Одоо Дунхугийн элчийг сонсоё гээд ёслолын түшмэлд дохио өгөв.
...Хүннүгийн газар нутагт урьд нь хэд хэдэн удаа ирж, зорьсон хэргээ бүтээж байсан элчтэн ах дүү нартайгаа уулзаж буй юм шиг мишээсээр орж ирээд Шаньюйн амар амгаланг эрж хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслов.
Бороонд шалба цохиулсан туулайн бүжин шиг өрөвдөлтэй харагддаг байсан Модун энэ удаа олз үзсэн бүргийн зулзагыг санагдуулам өөрчлөгдсөн харагдах агаад Шаньюйгаасаа эхлээд аймгийн вангууд, зарц барлагууд нь хүртэл урьд хожид үзэгдээгүй гоё ганган хувцас хэрэглэл өмссөн нь элчийн гайхлыг төрүүлэв.
"Хэдийдээ ингэж сэхчихдэг байна аа. Шаньюй ч юм уу малчин ч юм уу танигдахгүй пөөвийсөн юмнууд байдаг байсан биш билүү. Эд нэг юм дуулгана шүү" хэмээн элч бодож амжтал өргөөний зүүн талд тусгайлан зассан суудалд түүнийг суухыг урив.
Энэ улс гүрний ёс дэгийг сайн мэдэх элчтэн өмнөө байгаа майга хөлтэй ширээн дээр өрсөн идээ, цагаанаас эрэмбэ дараалан амсаж, харь орны хатуу хар архинаас хэд хэд угсруулан хүртээд сэтгэл нь онгойв бололтой хөлсөө шувтрав.
Шаньюй, элч хоёрын харц үе үе мөргөлдөхөд элчтэн толгой дохин суудал дээрээ нахилзах нь хүндэтгэл гэхээсээ долигнож байна гэлтэй харагдах бөлгөө. Шаньюйнхаа дохиог харцаараа ойлгодог болсон ёслолын түшмэл хултай айрагнаасаа хүд хүд хийтэл хэд залгиснаа,
- Вангууд аа! Шаньюй, элчийн үгийг сонсоё гэж байна гэхэд тарган мах огтолж айргаар даруулж хоорондоо энэ тэрхнийг шивэр авир ярилцаж суусан вангуудын харц элч дээр туслаа. Айраг, сархад угсарч хүртсэн элч арай ядан янцаглан босч,
- Шаньюй тантай гурвантаа нүүр учирч байна. Манай эзэн өчүүхэн намайг дахин илгээсний учир бол... Ээ, ээ харилцан найрсаг байх хэлцэл хэвээр эсэхийг асуулгаж буй болно гэхэд хамрынхаа үзүүрийг зөөлөн маажиж элчийг ширтэж суусан Шаньюй,
- Хөрштэйгөө эв түнжинтэй байхаас илүү юм бидэнд үгүй. Дунхугийн эзэн найдвартай баталгаа авч байсан бус уу?
- Тийм л дээ. Тэхдээ бүрэн итгэл олоход энэ удаагийн шаардлагын учир оршиж буй юм.
- Манай талаас Дунхугийн хилийн дээс зөрчсөн энээ тэрээ зүйл байхгүй санагдана.
- Тийм л дээ!
- Бид мянган ли газрыг сааталгүй туулдаг хүлгээ өгсөөн. Би хүний ёсонд үл нийцэх муухай хэрэг хийж Яньжигаа барьцаанд явуулсан билээ. Үүнээс өөр баталгаа гэж юуг хэлдэг байна. Тийм биз вангууд аа? гэхэд,
- Тийм ээ!
- Бид хичнээн доромжлол үзэв ээ.
- Одоо боллоо юм биш үү.
- Аягүй бол Шаньюйгаа явуул гэх нь шив дээ... хэмээн дахин бөөн шуугиан дэгдэв.
"Бөндгөрөө л авч гарах юм сан. Эдний түүхэнд элчийг хөнөөж байсан удаагүй гэдэг... Гэвч энэ буурал үст ер бишийн юм хийж мэднэ шүү" хэмээн бодсон элч шуугиан жаахан намдмагц,
- Энэ удаагийн шаардлага тун ялимгүй. Ердөө л сөөм газрын тухай юм л даа гэтэл Жуки Гийгун сэлмээ хуйнаас нь шархийтэл суга татан босон харайхад зэрэгцээ суугаа Хүрэлдэй хормойноос нь татаж суулгав. Хурилдай дээр арай тас цавчуулчихгүйг мэдэх элч Жукийг ярвайн харснаа,
- Шаньюй! Ийм байдалд ярих хэцүү байна. Хэрэв та... гэтэл Модун,
- Зүгээр, зүгээр! Та хэлэх гэсэн үгээ шуудхан хэлтүгэй! гэхэд элч шанаа даган урсах хөлсөө шудраад,
- Миний бие эзнийхээ зараалаар ялимгүй зүйлийг танд сонордуулж яваа болно. Танай эндээс маш хол, манайд бол ойрхон элс хайрга болсон, хүн амьтангүй сөөм газар байна. Таны ивээлд багтаж буй газар л даа. Тэхлээр хэн хэнийхээ ашиг тусыг бодоод түүнийг манай эзний ивээлд оруулбал нэг талдаа харилцан найрсаг байхын баталгаа, нөгөө талдаа таанууст төдийлөн хэрэг болохгүй тэр хол газрыг хамгаалах энээ тэрээ зовлонгүй болох буй заа... Ийм л байна гэв.
- Элчтэн та тэр газрыг үүн дээр заатугай гээд Модун зураг гаргахад элч бээр олны дундуур зөөлөн алхалсаар Шаньюйд ойртов. Түүнд Хүннү улсын Шаньюйг төө зайнаас харах боломж сүүлчийн удаа олдож авай. Модунгийн дух нь цайж, нүд нь жартайн гэрэлтэж, ам нь үе үе татваганан, оготно барих гэж муужгайг санагдуулж байлаа.
- Энэ жаахан газрыг хэлж байгаа юм! гэж элч хуруугаараа заагаад ухрахад Модун,
- Ойлголоо. Дунхугийн их эзэнд энэ жаахан газар хэрэгтэй болоод байгаа юм байна л даа! гэснээ,
- Вангууд аа, шуугилдалгүйгээр дэс дараагаар үгээ хэлтүгэй! гэхэд хамгийн түрүүнд догшин Гийгун бослоо. Түүний нүд улаанаар эргэлдэж, уур нь цээжиндаа багтаж ядаж буй бололтой оволзоно. Тэрбээр элчийг ширтэж хэсэг зуур чимээгүй зогссоноо,
- Хэрэв элч гуай мартаагүй бол ноднин уржнан таныг ирэхэд би юу хэлж байлаа түүнийгээ хэлэх байна. Өдөөн турхирсан учир Дунхутай байлдсугай! гээд уурандаа сэлэмнийхээ бариулыг олж ядан ташаагаа энд тэнд базалж байлаа.
- Эдний доромжлол арай хэтэрлээ. Хүннү улс Дунхугаас юугаар юутаа болж байна вэ? Циньчүүдийн хэлдгээр адилхан л Ху (бүдүүлэг гэсэн утгатай) биз дээ гэж Зэстэлэнги егөөдөхөд Хүрэлдэй өвгөн янцаглан өндийгөөд,
- Тийм ээ. Циньчүүдийг чичрүүлж урт цагаан хотыг босгуулан хилийн дээсээ тогтоож өгсөн өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг бид хилэгнүүлсэн. Гэлээ ч Модун шаньюйн хүчинд өнөөдөр хэнбугайн ч өмнө нүүр бардам зогсох тэнхээтэй болов гэхэд Модун толгой дохиж суулаа.
- Хэрэв Шаньюй зөвшөөрвөл би өөрийн түмтээ аваад Дунхутай байлдсугай! гэж залуу ван Шороту эцгээ дэмжин өндөлзлөө.
- Шороту зөв хэлж байна. Би өөрийн түмтээ аваад хөдөлье!
- Би ч ялгаагүй!
- Байлдсугай!
- Хэдий болтол тэвчих вэ? гэж шуугилдлаа.
Энэ яриаг төдийлөн ойшоохгүй, өвөр хоорондоо шивнэлдэн суугаа Ээлиг ванг ажиглаж байсан Шаньюй,
- Ээлиг ван юу гэж бодож байна? гэхэд,
- Ер нь ингэхэд хүн амьтан ч үгүй, тэгээд хаа хол байгаа алга дарам газрын төлөө улсынхаа цусыг урсгах хэрэг байна уу даа гээд хоёр талдаа суугаа хөгшин залуу хоёр нөхрөө харахад баруун гар талд суугаа залуу ван,
- Ёстой үнэн үг! хэмээн дэмжив. Нөгөө талд нь суугаа хөгшин ван залхсан байдлаар эвшээснээ,
- Их говиос урагшаах тэр их нутгаа орхисон юм чинь (чиний эцэг шүү гэсэн аятай Модунг харав)... гэж давс нэмлээ.
- Тэхлээр Ээлиг ван, та гурав тэр сөөм газрыг Дунхуд өгье гэж байна уу? гэж Модунг асуухад Ээлиг,
- Тийм ээ. Өгч л орхиё. Бидэнд газар хүрэлцээтэй биш үү гэв. Нөгөө хоёр нь ч толгой дохиж байв.
Жуки Гийгун босон харайж, Ээлийг ванг заамдан авлаа. Өргөөний дотор бөөн зодоон болж, явган ширээн дээрх цартай мах, идээ будаа газарт унаж, харь газрын гоёмсог шаазан, том ваар савнууд хөлөөр нэг хөглөрч, айраг архи асгаран гоожиж бүлгээ. Зодоон болж буй мөчийг ашиглан Шаньюй, ёслолын түшмэлийг дуудаж, чихэнд нь нэг зүйлийг шивнээд явуулав. Нударган зодоон үргэлжилсээр боловч Шаньюй ер тоосон шинжгүй ажиглан суув. Төдөлгүй гадаа пижигнэх чимээ гарч, айж сүрдмээр булиа эрчүүд орж ирээд Шаньюйг харан зогтусав.
- Вангууд аа! гэх Шаньюйн хүйтэн дуунаар зодоон намжлаа. Вангуудын хөлд үрэгдэхээс айсан элч өргөөний баруун хатавчинд өлгөөстэй байсан том хөхүүрийн цаана нуугдаж байснаа гарч ирэв. Цус нөж болсон дуртай дургүй байр байраа эзлэн суулаа. Өргөөнд хэсэг зуур нам гүм болов. Модун харцаа хүн бүр лүү чулуудахад Жуки Гийгун хүртэл эвгүйрхэн дороо хий хайвганав.
- Бидний сөөм газрыг ивээлдээ авахыг Дунхугийн эзэн хүсчээ. Түүнийг Ээлиг нарын энэ хүмүүс (ван гэсэнгүй) ёсоор болгоё гэв хэмээн Модунг хэлэхэд дахиад л Дунхугийн шаардсанаар газраа өгч нүдний булай болох нь гэж бодоцгоосон вангууд бие бие рүүгээ хараа шидэж, заримууд нь бие биенийгээ зөөлөн нудрахыг ажигласан Шаньюй,
- Энэ удаад би өөр бодолтой байгаа юм! гэхийг сонссон Ээлиг нарын гурав дөрвөн ван мунаар цохиулсан мэт навтасхийв.
Үй түмэн адуун сүргээсээ нэг морь олоод уначих учир морио би өгсөн. Төрийн хэрэгт золиосолж Яньжигаа би өгсөн... шүү! гээд Модун элчийг удаан ширтэв. Тэгснээ гүнзгийгээр амьсгаа аваад, Хүннү улс үүрд оршин байхын үндэс бол газар шороо минь билээ! гэв.
Хэрэг бишдэх тийшээ хандсаныг ухаарсан Ээлиг нарын толгой гудайж байхад, бусад вангуудын толгой дээшилж нүднийх нь гал бадарч авай.
- Газар шороо минь билээ! хэмээн Модун дахин давтаад газар шороо байгаа цагт хүлэг ч олдоно, хүүхэн ч олдоно. Газар шороогоо хамгаалж чадаагүй төрсөн эцгээ би өөрөө алсныгаа нуухгүй ээ. Сөөм газраа алдваас чинагш төө, алд газраа алдан алдсаар мөхөх болно. Газар шороотой бол түүнтэй мөнхөрнө. Би аюун сүрдсэндээ морио дайсанд өгөөгүй билээ. Би эрх ямба эдлэх хэмээсэндээ эцгээ, дүүгээ алаагүй билээ. Би хар хоронд болж хатнаа харваагүй билээ. Би илүүд үзэж хүлгээ харвуулаагүй билээ. Юуны тулд вэ? гээд бүгдийг тойруулан харав.
"Хэрэг бишдэх нь бишидлээ. Эдний хэлдгээр олзны бага дээр зогсдог байсан юм. Манай эзэн ч гэж эзэн. Энэ буурал үст хархүү ийн холыг харсан байна. Амьд харьдаг арга байна уу үгүй юу" хэмээн элч бодож суулаа.
- Юуны тулд вэ гэвэл... гэж Модун дахин нухацтай хэлээд, газар шорооныхоо төлөө билээ. Газар шорооныхоо төлөө дахин цус урсгахаас би үл айна. Тиймийн учир газар шороогоо гэх сэтгэлгүй Ээлиг тэргүүтэн энэ гурван хүнийг цаазаар автугай! гэхэд үүдэнд хөшилдөн зогссон хүдэр эрчүүд нүд ирмэхийн зуур нөгөө гурвыг тал талаас нь барьж аваад чирч гаргалаа. Өргөөнд ялаа нисэх нь хүртэл сонсогдохоор нам гүм болов.
-Хөрш Дунхугийн эрхэм элч та миний өгөх хариуг ойлгоо биз гэж Модунг хэлэхэд,
- Ээ... ээ Шаньюй, манай их эзний цэрэг шороон түм гэдгийг та болгоож буй болов уу! гэж элч сүрдүүлэх санаатай хэлэхэд Модун ярвайсхийн,
- Сайн байна. Шороон түм бол харвахад онохгүйн зовлонгүй харин ч зүгээр юм биш үү дээ. Тийм биз вангууд аа гэв.
- Ёстой!
- Бушуухан үзэлцэх минь!
- Хэдэн жил хэвтсээр гүзээлж гүйцлээ!
- Эрхэм элчтээн, танай тэр их цэрэг чинь бараг явган биз?
- Ямар сайндаа л эзэн нь манайхаас хүлэг морь гуйж суухав дээ... ха, ха... гэцгээж өргөөнд хөгжилдөөд явчихуйд, "Хурилдай дээрээсээ вангуудаа чирч гаргаад цаазалчихаа тоохгүй улс чинь мань мэтийнхийг хумхын тоос болгоно вий" хэмээн элч бодонгуутаа,
- Шаньюй! Хэрэв та болгоовол, миний бие өнөөдөртөө багтаж буцахаас... гэхэд Модун,
- Та сэтгэлээ бүү зовоогтун. Би танай их эзэнд зориуд захидал илгээх учир авч одсугай! Харин, Хүннү уулын тайлга хийх тул таныг үзээд явахыг хүсмүү! гэлээ. Одоо энд сууж байхын хэрэггүйг ухаарсан элч босч Шаньюйд мэхийн ёслоод гарав.
Модунгийн шийдэлд сэтгэл нь ханасан вангууд тарган мах огтолж, том том хулаар хөөсөрсөн айраг ууж Шаньюйгаа таашаан харцгааж байсан бөлгөө.


Top
   
PostPosted: Apr.23.15 8:02 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
За ёстой гоё хэсэг нь бна . Улс үндэстний эх суурь нь газар шороо гэж.


Top
   
PostPosted: Apr.23.15 9:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХҮННҮ УУЛЫН ТАХИЛГА
Алсаас харахад оройг нь зориуд тэгшлэн зассан юм шигь ар өврөөрөө нарс, шинэс зэрэг төрөл бүрийн мод холилдон ургасан уулын өвөр талын уужим сайхан дэнж дээр Хүннүгийн эвэртэн туурайтангуудын аяны гэр, чачир майхан ярайж тахилга хийх өдрийг хүлээж байлаа. Тахилга хийх өдрийн үүрээр бүгд эртлэн босч ихэс ноёд бараа бологсдоо дагуулан нарийн жимээр уулын тэгш оргил өөд гарч ирээд наран ээждээ сөгдөн мөргөцгөөв.
- Дээд тэнгэр бидэнд хилэгнэжээ. Цус... цус хэрэгтэй хэмээн нүд нь гялалзаж, жавьжаар нь хөөс савирсан бөө хэнгэргээ балбаж, сэтгэл сэрдхийлгэсэн хахир дуугаар хашгиран цовхчино.
Час улаан наран Хүннү уулын тайлгыг харах гэсэн мэт тэртээх үргэлжилсэн их уулсын цаагуур орж ядан байхуйд овоолж бэлтгэсэн хуурай модыг асаалаа. Эхлээд аймшигт утаа олгойдсоноо, асар их түүдэг болж тэнгэрт цойлох мөчид олзны Юэчжи, Дунху хүмүүсийг хөөн ирж сөгтгөн суулгав.
- Онгон дээд тэнгэр минь манийгаа өршөөж хайрла! хэмээн бөө үргэлжлүүлэн хашгирч заримдаа чоно болж улих, шар шувууг санагдуулан "хүүш, хүүш" гэхчилэнгээр аргагүй л газар тэнгэр хоёрыг холбож буйн дүрстэй харагдах агаад,
- Цус, цус... их цус урсгах хэрэгтэй байна... Ха, ха... гуг... гуг... гэх дуун цуурай болон давтагдахад тал тойрог болон хүрээлж суусан Хүннү гүрний ихэс дээдсийн царай хүрлийн нэгийг бодоцгоож буй бололтой. Шаньюйг дохио өгөхөд олзлогдогсодын толгойг тас тас цавчив.
Үдшийн бүрийн их галын дэргэд толгойгүй цээжнээс оргилох цусан, хүн бүрийг хирдхийлгэж, хэрэв ингэхгүй болбоос таануус өөрсдөө ингүүлнэ шүү гэсэн далд санааг агуулах ажээ. Шөнийн галын гэрэлд хүн бүхний царай цусанд будагдсан мэт ув улаан үзэндэх агаад эл аюумшигт үйлдлийг харсан Дунхугийн элч, түүний бараа бологсод хөл дээрээ арай ядан тогтолцгоож байв.
Алагдсан олзлогдогсодын хүүрийг зайлуулсны дараа хув чихтай тас хар хонь, эвэр нь мушгирсан хөх сэрх хоёрыг авчирч өрлөн амийг нь хороож элэг сэмж тэргүүтнээс нь галд өргөн ёсоллоо. Ийнхүү Хүннү уулын тайлга шөнө дунд хүртэл үргэлжилж, үүр тэмдэгрэх үед бэлд бууж ирэн урьдаас бэлтгэсэн асар майхандаа тухалж, үдийн хирд их найр наадам үүсгэв.
...Зуны дэлгэр цаг ирэхүйд тал хээр нутгийнхны жаргал хамтад ирдэг билээ. Уул тал, хээр хосолж, тунгалаг уст мөрөн голуудаар эмжигдэн эргэн тойрон нов ногоон өнгөнд умбаж, дээд тэнгэр нь бүртийх ч үүлгүй цэв цэнхэртэн хаяа тэлэн үргэлжлэх нь үлгэрийн юм шиг гайхалтай. Унагыг нь уясан болохоор тэдэндээ хоргодсон адуу гэрийн ойролцоогоор мяралзан урсах их голын зах бараадаж, оодонгийн тугал бяруу сүүл хатган тэвдэхдээ пижигнэлдэн давхиж, сүүдэр бараадан хэвтсэн ноход дээр гишиглэн ярдагнуулах нь инээд хүрэм.
Наранд түлэгдэж борлосон хүүхдүүд голын цүнхээлд пүлхийн үсрэн орцгоож шуугилдах агаад тугал, хурга нийлүүлэхгүй харж байх ажлаа мартсанаас үүдэн гарах бяцхан уршгийг үл тоон өдрийг өнгөрүүлнэ. Оройн сэрүүн орж сааль сүү болохын алдад хонь хурга нийлж эхлэхүйд сая тоглоомоо орхиж, шалдан биедээ хувцсаа хам хум өмсөөд гялалзуулах боловч хожимдсоноо мэдэж "Алган боов" хүлээн зогсох авай. Гэлээ ч хэзээнээс өтгөсийг хүндэлж, нялхсыг хайрладаг уламжлалтай тал нутгийнхан, тэдний бүсгүйчүүд хий л сүрдүүлэн "за чамайг гайгүй" хэмээн дээс төдийхнөөр ороолгох дүр үзүүлэх буюу, "Орой аавыг чинь ирэхээр хэлэх юм чухань" гэхчилэнгээр загнах аядана. Зөөлөн нь хатуугаа дийлдэг жамтай болохоор иймэрхүү далайлгалт малчин түмний үр хүүхдийн зүрх сэтгэлд "Хөөрхий дөө муу ээжий минь" гэх уянгыг төрүүлж насан туршид зүрхэнд нь хадаатай явах ажгуу.
Манай эриний өмнөх 192 оны тийм нэгэн зун Модун шаньюй Орхон голын цагаан тохойд зусч байлаа. Наран хэлбийж, уулын сүүдэр хүүшлэх дөхсөн үед их өргөөнд Модун шаньюй, эцгийн үеэс өргөө хавьцаа байж ёслолын түшмэлийн дэв зэрэгт хүрсэн цав цагаан сахалтай, цал буурал өвгөнтэй хуучлан суулаа.
- Шаньюй таны нас сүүдэр дөч дөхлөө. Та толгойтныг бөхийлгөж, тойгтныг сөгтгөн, нэгэн жолоонд хумилаа. Та сүүлийн арав гаруй жил дандаа дайн тулаан энээ тэрээ гэсээр үр хүүхдүүдтэйгээ хүртэл ганц өдөр хэдэн үг сольж чадахгүй юм даа гэж өвгөн түшмэл алгуур сануулахад,
- Тийм ээ. Та зөв хэллээ.
- Тэхлээр таны хөвгүүд бол жирийн нэгэн хүний үр биш билээ. Ийм болохоор... гэтэл Модун өвгөнийг жоготой нүдээр харж,
- Ийм болохоор тэдний хэтийг бодох нь зүй гэх гээ биз дээ та гэхэд "хэлэх гэснийг урьтаад мэдчихдэг гайхалтай хүн шүү" хэмээн бодсон түшмэл,
- Шаньюй та зөв болгоолоо гэв.
- Би бодож байгаа. Тэд маань балчир байна. Жаахан хүлээсү... гэснээ нөгөө Хан улсын эзэн хаанаас ирсэн бичгийг та дахиад нэг дуудаад орхиоч гэхэд түшмэл ширээн дээрх бичиг рүү нилээд тонгойсноо "Урт хотоос хойших нум сумтангууд Шаньюйн цаазыг дагасугай. Урт хотоос дотогших дээл малгайт улсыг би захирсугай... Хан улс, Хүннү улс тэнцүү айл улс" хэмээн уншив. Бичгийг анхааралтай чагнан толгой дохиж суусан Модун,
- За болно гээд энэ бичиг ирснээс хойш зургаан жил өнгөрчээ. Миний бие Шаньюйгаар өргөмжлөгдсөнөөс (Шаньюй болсноос гэсэнгүй) хойш гэтэл түшмэл өлгөн авч,
- Арван долоон жил! гэв.
- Тийм ээ, арван долоон жил болчихжээ. Миний алдаа оноог та хэлж өгөхгүй юү? Нууж хаалгүй шүү гэхэд түшмэл,
- Жуки Гийгун бид хоёроос өөр танд нүүрийг тань улайтал үнэн хэлдэг хүн олон бий болов уу хэмээн чин сэтгэлээсээ өчихөд Модун чимээгүй болсноо,
- Тийм шүү. Тийм. Би энэ удаад туулсан замаа нэг сайн хармаар байна. "Туулсан зам бол тэр чигтээ сургамж шүү" гэж миний мэргэн багш Усун гуай хэлдэг байсныг мартаж үл болно. Сүүлийн үед хажуугийн хүнээс алдсан оносноо сонсмоор санагдаад байдаг болж! гэхэд өвгөн түшмэл,
- Та зөв санажээ. Шаньюй ч бай, ван захирагч нар ч бай, хоньчин ч, адуучид ч гэсэн бүгд л миний зөв гэцгээн өөрийгөө зөвтгөх тийшээ болой. Харин их ухаантай аваас өөрийгөө буруутгах чадалтай байх ажгуу. Тийм болохоор хоёргүй сэтгэлээр үнэнийг танд өчсүгэй. Харин та... гэтэл Модун,
- Би ойлгож байна. Өөрийгөө буруутгах үгэнд үл гомдоно. Ямар ч хатуу үг хэллээ ч гэсэн эрхэм ах, таны буурал тэргүүн байдаг дээрээ байж л байх болно гээд хоёулаа нуг нуг инээв.
Өдий олон жил Шаньюйн инээхийг цөөхөн үзсэн түшмэлийн сэтгэл нэг мөр онгойж билээ. Хөгшин хөвөө хоёр эрийн яриа шөнө дөл хүртэл үргэжилсээр...
- Таны хамгийн том үйл бол тарж бутрахын цондонд хүрээд байсан Хүннү улсыг нэгэн нударга дор хураасан явдал шүү дээ.
Ер нь нүүдэл суудлын олон иргэдийг алийг нь ч гэсэн хумхиж жолоодож байхгүй бол яргүй хөөсөн ямаа лугаа адил тал тал тийшээ сад тавина. Муу эзний ямаа яргуй хөөсөөр тарж боохойн хоол болдогтой адил зон олныг хумхиж байхгүй бол тийм болой. Би хувьдаа Цинь улсыг үндэслэгч Ин Чжэний /Хятадын анхны нэгдсэн улсыг байгуулсан хүн. Цинь улсын анхны эзэн хаан хэмээн өөрийгөө зарлаад түүхэнд Цинь Ши Хуанди хэмээн алдаршсан эзэн хаан. Цагаан хэрмийг бариулсан гэдэг. МЭӨ 210 онд нас эцэслэжээ/ нэг сайн талыг хүндэтгэж явдаг юм гэхэд бодолд дарагдаж суусан Модун дайсныг магтсан түшмэлээ гайхан хараад,
- Та юу ярина вэ. Тэр чинь Мэн Тянь жанжныг явуулж газар шороог маань булааж байсан биш үү? гэхэд түшмэл,
- Дүү минь... ээ ээ Шаньюй минь жаахан тэвч. Та бид хоёр тохиролцоо биз дээ гэснээ угтаа бол ийм юм л даа. Төрийн хэрэгт нөгөө талаас авах юм байдаг аж. Тэр Ин Чжэн өөрийгөө Шихуанди гэж өргөмжилж (бас ширээг булаан авсан гэлгүйгээр) орон нутгийн олон хаад ноёдын самууныг эцэс болгон нэгэн нударганд төвлөрсөн төр байгуулсанд байгаа юм гээд Модунг юу гэх бол гэсэн шиг харав.
- Тийм ээ. Тэр талаараа аргагүй л их хүн хэмээн Модун зөвшөөрөв. Өвгөн түшмэл Цинь Ши Хуандийг магтсанаараа Хүннү улсын төрийг мандуулж, нэгэн гарт зангидсан Модунгийн олон жилийн өмнөх зарим ёсон бус үйлдлийг цайруулж буй нь энэ болой. Тэрбээр хэсэг зуур бодлогоширч сууснаа,
- Тэхдээ Цинь Ши Хуанди их гай гамшиг тарьсан хүн гэхэд Модун толгой дохин зөвшөөрч суулаа.
- Би Цинь Ши Хуандийн олон муу үйлдлийг жигшиж явдаг нэгэн хэмээн түшмэл гүдэсхэн хэлэв. Шөнийн нам гүмд хаа нэгтээ нохой боргох нь тод сонсогдоно.
- Тухайлж хэлбэл, өдий төдий эрдэмтэн мэргэдийг алж, Гүнзийн сургаалыг хориглон ном судрыг шатааж бузар булай хэрэг үйлдсэн хүндээ тэр. Тийм биз дээ гэж өвгөн түшмэл үгээ бататгах санаатай Шаньюйгаас асуухад,
- Тийм ээ, тийм тал бий. Бас заримдаа аргагүй юм гэж байдаг шүү хэмээн Модун эцгээ, дүүгээ алж, Яньжигаа харваснаа зөвтгөх үүднээс хэлэхэд,
- Та зөв хэллээ. Аргагүй юм гэж байдаг. Гэхдээ эрдэмтэн мэргэдээ хөнөөж, ном судрыг шатаана гэдгийг яавч өршөөж болохгүй.
- Тийм ээ!
- Муутай ханилбал могойн хор гэж манайхан ярьдаг нь үнэн юм шүү. Шаньюй ч бай, Хуанди ч бай мэргэн түшмэл, зөвлөх сайдуудтай байхгүй бол болохгүй. Энд би өөрийгөө мэргэн энээ тэрээ гэх гэж байгаа бус болно. Миний насан өндөрт гарч хадан гэр тийшээ ойртсон хүн. Таныг бодохдоо үүнийг хэлэв би гэснээ өвгөн түшмэл,
- Хэрэв та зөвшөөрвөл жич тухтай ярилцвал яасан юм бэ? гэхэд Модун зөвшөөрч,
- Тэгье, дараа ярилцъя. Харин Хан улсын хатан хаанд захиа бичих нэг явдал бий шүү дээ гээд өндийлөө.
- Таны хэлснээр нэг тохой самбар бэлтгүүлсээн. Эхийг нь гаргачихсан байгаа. Гийгун вантан маргааш ирнэ гэсэн. Тэгээд хамтдаа таны хэлэх үгийг сонсвол яасан юм бэ гэв.
...Шаньюйн өргөөнд Гийгун, Зэстэлэнги нарын хэдэн вангууд ярилцаж сууна.
- За тэгээд ингэж эхэлсэн байна гээд Модун тохой хэртэй урт самбар дээр бичсэн захианы эхийг уншсан нь:
"Тэнгэр газраас төрж, нар сараар ивээгдсэн (тавигдсан) Хүннү улсын их Шаньюй би Хан улсын эрхэмсэг Хатан хаан таны амрыг эрж ёслохын учир" гэлээ шүү дээ гэж давтан хэлэхэд Гийгун ван,
- Шаньюй! Ингэхэд тэр бэлбэсэн хатан чинь шал хөгшин амьтан гээ биз дээ? Шаньюй та тийм хөгшинтэй ураг барилдъя гэж гуйх нь эвгүй юм биш үү. Тийм үү, үгүй юү таминь ээ гэж вангуудын дэмжлэг авах санаатай хэлэхэд,
- Тиймээ!
- Хэрэгтэй байлаа ч гутамшигтай санагдана.
- Би ойлгохгүй байна гэхчилэнгээр дор бүрийдээ дэмжив.
- Энэ ийм учиртай юм л даа гээд Модун заншлаараа хамрынхаа үзүүрийг маажсанаа Хан улсын хаан агсан тэр Гао Цзугийн бэлбэсэн хатан Гао Хэу одоогоор төр барьж байгааг таануус мэднэ. Хөгшин нь үнэн. Хөгшин ч гэж дээ, жаахан ахимаг хүн юм байна. Бид хорь шахам жил дайн хийж, төрөлх Ордос нутгаа эгүүлэн авч урт цагаан хотоор хилийнхээ дээсийг татлаа. Заналт дайсан Дунху, Юэчжи нарыг сөгтгөж, баруун тийш хилийнхээ дээсийг аугаа их Сульхарнайн /Македоний Александрийг ийн нэрлэдэг байлаа/ тэр нэгэн үед тогтоож байсан хилийн дээстэй зөрүүлэн тогтоолоо. Гэхдээ Юэчжийн Хийдоль, Дунхугийн Гайхату вангууд амьд байгааг мартаж үл болно. Хэдэн жилдээ зон олноо амрааж, мал сүргээ өсгөн, цэрэг эрсээ чинээнд нь тултал бэлтгэвэл дараа нь айх аюулгүй, нүүр бардам байх бус уу хэмээснээс Гао Хэу хатантай ураг барилдъя гээд байгаа минь... Энэ санаа бүтэх ахул Хан улс ам руу орох шар тос адил гулгаад ирнэ гэсэн санаа болно гэхэд вангууд нирхийтэл инээлдэв. Модун,
- Таануус хөхрөлдсөн болохоор зөвшөөрч байна гэж би ойлгов. Одоо юу бичихээ хэлсү. Аан гэцгээж бай гээд...
"Тал хээр нутагт төрж, үхэр адуунд дунд өссөн зөнөг өвгөн миний бие" гэтэл,
- Энэ ч арай дэндлээ. Заавал зөнөг байгаад байх нь юу билээ гэж Жуки эгдүүцэхэд Шороту ван өлгөн аваад,
- Энэ ч харин далд санаатай зүгээр юм биш үү гэлээ.
Модун Шаньюйн эхийн талын Хүрэлдэй вангийн ганц хүү Шоротуг Хүннү улсын зүүн жигүүрийн их Луули вангаар тохоон, дайн тулааны хүлэг бэлтгэх үүргийг нь хавсруулсан аж.
Найман жилийн өмнө Пинчен хотын орчимд Хан улсын хаан Лю Банг дөрвөн зүсэм нийлүүлсэн дөчин түмэн морин цэргээр бүслэн буланд шахаж модон галай шиг болгоход Шороту гол үүрэг гүйцэтгэсэн вангуудын нэг хийгээд хорь гаруй жилийн өмнө Модунтай анд бололцсон шадар нэгэн байлаа.
- Шороту анд миний санааг зөв таалаа гэж Модун магтаад цааш нь ингэж бичье гэв. "Эрхэмсэг хатан таны эр нөхөр асан Лю Бан хаантай нүүр учирч явсны хувьд түүний Яньжийг басчу харж хандах учиртайн нэгэн" гэвэл ямар вэ? гэхэд омголон Жуки,
- Энэ чинь юу гэсэн үг вэ? Шаньюй би таныг хар багаас чинь мэдэх билээ. Одоо нэг л ойлгохоо болиод байх чинь гэв. Модун ялимгүй жуумалзсанаа,
- Та ойлгоно. Аливаа гэр орныг эр нөхөр нь толгойлно биз дээ гэхэд учрыг ухасан Жуки тэргүүтэй нөхөд нь бас л нирхийтэл хөхрөлдөв.
Модун үргэлжлүүлж: "Зөнөг өвгөн би вээр хязгааргүй уудам тал нутагтаа ганцаар уйтгарлан сууна. Эрхэмсэг хатан та бас хаан ширээндээ уйтгарлан буй. Хүннү улсын Шаньюй, Хан улсын хатан хоёр өөр өөрсдийгөө тайтгаруулах юмгүй гуниглан суухын хэрэг юун. Ийн учир сонордуулан илгээв" гэвэл ямар байна гэв.
Тэр ёсоор болж хоёр хоногийн дараа Шаньюйн элч Орхоны хөндийгөөс өмнийг зорин мордсон билээ.


Top
   
PostPosted: Apr.24.15 12:25 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
өө бас Хүннүгийн шанью бэр гуйсан ийм юм болсон юм байх даа, зорилго нь ойлгомжтой ч жоохон сонин санагдав. Баярлалаа блоодоо


Top
   
PostPosted: Apr.24.15 11:07 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ГҮНЖ
...Хан улсын Лю Бан хааныг амьд ахуй үед нь түүний зөвлөх түшмэл Лю Цзин:
"Хаантан та татвар хатныхаа их охиныг Модунд хатан болгон өгвөл Хүннү нарын довтолгоог зогсоож чадна. Түүгээр ч барахгүй зарцаа болгож болно. Яагаад вэ гэвэл, Модун амьд байхдаа таны хүргэн хүү чинь байна. Түүнийг үхсэний хойно охины чинь хүү Шаньюй болно. Өвөг эцэгтэйгээ адил эрхтэй зээ гэж байх гэж байж болохгүйн учир Хүннү улс таны өлмий дор сөхрөн ирнэ" хэмээн зөвлөснийг Гао Цзу (Лю Бан) хаан зөвшөөрч жирийн айлын нэг охиныг өөрийн гүнж гэж Модунд хатан болгон явуулж аугаа их Модунгийн нэгэн гэрт хураасан Хүннү төрийн алтан баганыг ганхуулах сумаа тавьсан нь тал хээр нутгийн газар тэнгэрийн савслагат сүүмэлзэж байлаа.
Уулсын оройд будан сууж, үе үе сэрүүн салхи сэвэлзэн сэтгэл гэгэлзүүлнэ. Усны шувууд нуурын хөвөө, мөрөн голын эргээр бөөгнөрөн цугларч алс холын аянд одохоор ганганалдах агаад бүрсгэр өдрийн хуйсгануур салхинд нуурын мандал зэвхэлзэн бэдэртэх нь нүүдлийн хүн, шувууд хоёрыг догдлуулах ажгуу. Нүүдлийн шувууд дулаан орныг зорьж нэг л өдөр дэрхийгээд нисэн оддог бол нүүдлийн хүн нүүдлээ хийгээд газар шороон дээрээ үлддэгээр ялгагдана. Гэлээ ч газар шорооноосоо хувь тавилангийнхаа эрхээр тасарсан хүн гэгч амьтан жигүүртэйсэн бол нисэн одохоос буцах юун. Тийм хүмүүний нэг нь Хан улсаас Хүннүгийн шаньюйд татвар эхнэр болгон ирүүлсэн гүнж бөлгөө.
...Хүннүчүүд урд газрын гүнжид халуун сэтгэлээр хандах агаад Хүннү улс, Хан улс найрсаг болж, арилжаа наймааны саад тотгор саад арилсныг түүнтэй холбон үзнэ. Тэнгэр удмын дээд Шаньюйгийн татвар эм болж ирээд хоёр хөвүүн төрүүлснийг бэлэгшээн "хатан ахай" энэ ээ тэр ээ хэмээн хөл алдацгаана.
Гүнжийн үе тэнгийн харцуул болохоор түүний уян налархай бие, урд газрын бүсгүй хүний нимгэн цагаан царай, сайхан ааль аашинд нь шимтэхийн эрхэнд ил далд бишрэн, жингэр таниагүй гөлгөн нохой уралцах гэж гүйж очоод мэдмэгцээ сүүлээ шарван өмнө нь өнхрөн унахын адил малисхийгээд явчихна. Зарим харцуул элдэв шалтаг олж гүнжийн өргөөнд орж ирээд ая тал засахыг оролдон, балын амт авсан баавгүй шиг лүглийн суухыг нь харахад инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй.
"Энэ Хүннү улсынхан хачин хүмүүс шүү. Шаньюйгийнхаа эхнэрийнд орж ирээд суугаад байх. Манайд бол толгойгүй болно. Эд нар, дээр дооргүй цагаан цайлган гэдэг нь" хэмээн гүнж заримдаа бодох аж.
Эл намрын тийм нэгэн өдөр гүнж өргөөндөө гүн бодолд дарагдан суулаа. "Өвөлд нь цас мөсөөр хучигдмал, зунд нь галаар төөнөх адил халуун болдог энэ газар шороонд хөл тавьснаас хойш арван хоёр дахь намартайгаа учирч байх шив. Энэ орны хамгийн сайхан, тэр мөртөө хамгийн гунигтай үе бол намар аргагүй л мөн дөө. Энэ газрын намар хүн хоёрт би дасчээ.
Модун... Модунд хоёр хүү төрүүлж өглөө. Эзэн хааны захиасыг ч гүйцээлээ. Эзэн хаан гэснээс тэр их хүн насан өөд болж Хатан ахайтан ор суужээ дээ. Бүсгүй хүн төрийн толгойд байна аа гэдэг... Ай хөөрхий бүү мэд.
Модун өдийд хаа яваа бол. Дахиад л дайн байлдаан. Модун... Модун. Хорь гаруй жилийн тэртээ эцэг нь Юэчжийн газарт хүүгээ цөлж байсан гэдэг байх аа. Модун бид хоёрын хувь заяанд адил юм байх шив дээ. Хоёр хүүгийнх нь эх атлаа улс орныг чинь хожимдоо мөхөөх далд захиастай инээж суудаг.
Хүннүчүүдийн цагаан цайлган сэтгэл дээр хялбархан наадаж болохыг талийгаач Хуанди сайн болгоожээ. Өчүүхэн муу эм намайг шалбааг дундаас татан гаргаж "гүнж" болгон энд ирүүлсний өрийг төлж дуусах болтол бас ч зай байна. Лай ч байх шив. Аугаа их Дао "Эхлэл бол төгсгөл, төгсгөл бол эхлэл юм" гэж сургасан гэдэг.
Эхлээд арав гаруй жил болжээ. Дуусах нь хэдийд бол?..."
Гүнжийг ийн бодож суутал сайвагнасан явдалтай, буурал орсон үсээ гөлчийтөл самнасан, бас чиг залуудаа сайхан хүүхэн явсан болов уу гэмээр тавь эргэм насны авгай орж ирээд толгой сэгсрэн:
- Охин минь! Гүнж минь, Модунаа бодоод л гиеүрч сууна уу гэж нанхиадаар асуухад гүнж тэр эмийг сонжих мэт харснаа,
- Үгүй дээ. Эгч минь. Эргэж ирэхгүй гучин насандаа туулсан замаа нэхэн санаж сууна! гэхэд,
- Охин минь! Ард үлдсэн муу үйлийг байнга эргэн хараад байвал нас богиносдог гэдэг юм! гээд гүнжийн хажууд ирж суулаа. Аль хэдүйнээ үдэш болж, өргөөн дотор сэрүү татаж байлаа.
- Эзэн хааны ордонд эрх дураараа өсч бойжсон над мэтийн хэврэгхэн амьтан Хүннүгийн газар шороон дээр ирэнгүүтээ л мажийх болов уу гэж бодож байсан тэр мөчөөс хойш тэссээр өдий хүрснийг санахад хүн гээч жаргалыг даадаггүй, зовлонг даадаг нь үнэн юм гээд гүнж орон дээрээс цэцгэн хээтэй, цэнхэр торгоор өнгөлсөн, хурган дотортой дээлийг авч нөмрөөд,
- Эгч таныг өрөвдөх юм гэж үг өдөв.
Эгч гэгдэх хижээлдүү хятад авгай гүнжид бараа болж ирсэн мөчөөс үнэхээр эгч шиг, эх шиг байж чадсанд нь гүнж баярлах авай. Гэлээ ч "эгч" маань бас Эзэн хаанаас гүнжийг далд тандаж, хазайвал түшин сануулж, алдвал ухааруулж, урвах аваас дөтийн замаар оруулах захиастайг хэрхэн мэдэх билээ.
Өдгөөгөөс арван хоёр жилийн тэртээ Эзэн хааны шадар түшмэл, хоёр эмийг сөгдүүлэн хааны нэрийн өмнөөс төрийн маш чухал даалгавар өгөхдөө дөнгөж арван найм хүрч буй болов уу гэх охиныг хааны гүнж хэмээсэн бөгөөд түүнээс хорь гаруй эгч болов уу гэхээр хүүхнийг эгч чинь гэсэн болой.
Гүнжийг ирдэг тэр жил Хүннүгийн газарт зуншлага сайхан болж, тал хээр нутаг нов ногоон агаад үргэлжилсэн ухаа толгод өндөрсөж намсаж үзэгдэн, уран зэрэглээ олон өнгийн торгон хөшиг намираад байгаа юм шиг сэтгэл нэг л содон дүр зургийг үлдээн хоногшсон аж. Анхны юм бүхэн содон байдаг болохоор Хүннүгийн юм бүхэн хачирхалтай ер бишийн байсныг хэлээд яахин барна. Тэр мөчөөс энэ хоёр эм нэгэн сэжмээр үүрд холбогджээ. Гүнж, авгай хоёр үдэш бүр бие биедээ хань болж ийнхүү цагийг элээдэг зуршилтай болсон нь аргагүй байлаа. Хүннү улсын шаньюйн татвар эм болж, эл хуль юм шиг энэ газар шороонд хөл тавьсан анхны шөнө хээр хоноглосноо бодох бүр гүнжийн бие зарсхийдэг байв. Тэр мөчөөс хойш үдшийн бүрэнхий болмогц зарц, шивэгчингүүдээс хэн нэгийг дэргэдээ байлгах гэх буюу Модун орж ирвэл бүр чиг нар гийсэн мэт баярлах авай.
Гүнж авгай хоёр өөр өөрийн бодолд дарагдан хэсэг зуур сууснаа,
- Эгч таныг өрөвдөх юм гэж гүнж давтан үг өдөхүйд авгай түүнийг хялавхийн хараад,
- Намайг өрөвдөх яах вэ? Хоёр хүүгээ л бод. Сураг сонсож байвал тэднийг эрлийз энээ тэрээ гэж Яньжигаас төрсөн хүүхдүүд хоорондоо ярьдаг бололтой гэв.
Анх удаа ийм эвгүй үг сонссон гүнж,
- Та юу ярина вэ? хэмээн сэжиглэнгүй асуухад,
- Тийм ээ. Эрдтээд тэд хоорондоо хэрэлдэж Яньжигийн ( Модунгийн гэсэнгүй) том хүү нь том Лууг алгадсан байна гэв.
- Пөөх! Тэд чинь эвтэй л юм шиг байдаг шүү дээ.
- Эвдэрч буй нь тэр дээ.
- Эгч минь яах болж байна даа? Нэг эцгийн хүүхдүүд биз дээ тэд чинь?
- Тийм ээ. Тэгэхдээ нэг эхийнх биш. За тэгээд ч нэг эцэг эхийнхи хүртэл эвдрэлцдэгийг бид бишгүй л харж байна. Яньжигийн хүүхдүүдийн том нь хорь дөхөж байна. Эзэн хааны ч, Шаньюйн ч ор суудалд ууган хүү нь суудгийг бүү март. Тийм болохоор хоёр хүүгийнхээ хувь заяаг одооноос бодохгүй бол хожимдоно гэв.
- Тэгээд яах вэ? гэж гүнжийг уйлагнахад,
- Та бид хоёр бүсгүй хүний нарийн ухаан гаргах ёстой. Эзэн хааны захиасыг огоорч үл болно. Тэгэхлээр та аан гэж бай гэлээ.
... Энэ хоёр эм шөнө дунд хүртэл шивэгнэн ярилцлаа.
- Та ойлгох шив дээ гэж авгайг хэлэхэд дэнгийн гэрэл ширтэн гөлөрч суусан гүнж толгой дохихчоон аядаж байлаа.
Тэхлээр хоёр хүүдээ эднийхний дууддагаар том Луу, жижиг Луу л гэж байя. Лю овогт гэдгийн учрыг одоохондоо та бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй. Та аажимдаа Модунд хэлж хоёр хүүдээ урт цагаан хэрмийн ойролцоо эдлэн газартай болго. Шаньюй дургүйцэхгүй байх. Тэгээд ч урагтаа ойр байх нь өлзийтэй гээд авгай өндийлөө.
Хаа нэгтээ морин төвөргөөн гарч, алсад паргиадуу дуутай банхар лөг лөг хуцна. Шөнийн явдалт махчин амьтад анд мордсон бололтой сэтгэл сэрдхийлгэсэн дуу тал нутгийн шөнийн нам гүмийг эвдэнэ. Энэ газрын хээр тал нутгийн шөнийн ийм дуу чимээнээс гүнж үнхэлцгээ хагартал айдаг байлаа.
Тэрбээр арван хоёр жилийн тэртээ Шаньюйн татвар эм болохоор баг цэргээр хамгаалуулан хүргэгдэж явах замд нэгэн шөнө хээр хоноглосон аж. Хэдийгээр цэрэг эрсээр хүрээлүүлэн аяны майханд унтсан ч дайсан довтлов уу гэлтэй бөөн пижигнээн болохуйд цочиж сэрснээс хойш дугхийлгүй үүр цайлгасан билээ. Тахь хэмээх зэрлэг адуу гэнэт салхи аваад пижигнэснийг маргааш нь мэдсэн ч гүнжийн зүрх сэтгэлд тэр шөнө аймшиг болон үлдсэн аж. Тэр шөнө бас үнэг, хярс, шар мэтийн амьтад ангуучлан ер бишийн бачимдсан, шаналсан, айсан дуу чимээ үүр цайтал гарсан нь Эзэн хааны ганган тансаг ордонд өсч торнисон эмзэгхэн бүсгүйд айдас төрүүлэхгүй байхын аргагүй байв.
"Эгч" авгайн битүүлэг үгэнд эргэлт буцалтгүй нам цохиулсан гүнж, хүйт дааварласан орон дээрээ дээлээ нөмрөн хажуулав.
..."Шаньюй танд би үнэхээр хайртай билээ. Хаашаа л харна ээрэм тал, нүцгэн ухаа толгод үргэлжилсэн энэ газарт танаас өөр намайг гэх хүн алга. Эгч минь гээд байсан итгэлт зарцыг хар. Эзэн хааны далдын туршуул, нууц даалгавартан байж шүү дээ. Юу гэлээ... аа тийм, амаа хумхиж явахгүй бол гэл үү" гэж бодлоо. Тооноор ажихуйд үй түмэн одод жирвэлзэн, нэгэн од туяан сүүл татуулан харвав.
..."Энэ орчлонгоос одсон хүмүүний сүлд сүнс тэнгэрт очиж мөнхрөн гал түлж суудаг нь шөнийн цагт харагддаг юм хэмээн эд ярьдаг нь ортой биш байгаа даа. Дээд тэнгэрийг шүтдэггүй улс, хүн гэж байна уу, үгүй юу? Энэ Хүннү улсынхан өөрсдийгөө тэнгэр удамтай гэнэ. Манайхан болохоор өөрсдийгөө "Тэнгэрийн орон" гэнэ...
...Өдийд хөөрхий муу аав, ээж маань амьд байдаг болов уу. Ах, эгч нар маань юу хийж байдаг бол. Ордны их тайган тэднийхээ төлөө санаа зоволтгүй, харж хандана гэсэн билээ. Үйлийн үрт эм би найман насандаа эзэн хааны ордонд татагдан ирж юуг эс үзлээ. Хов жив, завхай зайдан явдал... Ээ бүү үзэгд. Харин энэ Хүннү улсын Шаньюйн өргөөнд тийм эсэн бусын юм үзэгдэхгүй нь сайхан. Энэ мөчөөс хойш миний хоёр хүү Эзэн хааны далд мэдэлд очиж, би гэдэг хүн Шаньюйг тандан мөшгиж, хийсэн үйл, хэлсэн үгийг нь "Эгч"-д дамжуулж байх нь ээ. Эзэн хаан намайг нааш явуулж Шаньюйд өгсний цаад учир ийм байжээ.
Шаньюй би танд голт зүрхнээсээ хайртай ч түүнийгээ эдэлж чадахгүй тавилантай төржээ. Таны бөөрөнд эхнэр нэртэй шулмас наалдсаныг та хэзээ ч үл мэднэ. Өчүүхэн муу эм надад үхэж болох зам байвч урьтаад үхэж болохгүйг эзэн хаан болгоожээ. Ээ, чааваас" гээд орондоо мэгшин уйллаа. Эл бүсгүй энэ газрын түнэр харанхуй шөнөөс үхтлээ айдаг атлаа энэ удаад сэтгэл нь уужирч, Хан улсын эзэн хааны ивээл нэрт түнэр харанхуйн дэргэд юу ч биш болохыг эгнэгт ухаарлаа.
..."Модун өдийд хаа явдаг бол. Хөөрхий минь бас л зовлон үзсэн нэгэн билээ чи. Төрийн ачаа гэж хэцүү юм даа.
Хөх мөрний эрэг дээрх тариачны бяцхан сууринд, ядуу зүдүү айлд төрсөн өчүүхэн муу эм би хүртэл Эзэн хааны ордноор дамжин Хүннү улсын Шаньюйн хатан болчихсон явдаг. Бас тэгээд Хан улсын төрд хэрэгтэй хүн гэж байгаа. Би хэдийгээр нанхиад эм гэлээ ч Хүннү улсын Шаньюйн хоёр хүүхдийн эх нь билээ. Тийм болохоор... үгүй ээ үгүй. Хоёр үрийг маань яаж ч мэдэх хүмүүс. "Эгч" маань юу гэлээ... аа тийм. Өчүүхэн ам алдвал хоёр хүүхэд чинь, бас эцэг эх, ах дүүсэд чинь муу юм болно гэлүү... ээ чааваас. Хүн чулуу шиг дуугүй байхаас өөр замгүй болжээ" хэмээн гүнж элдвийг эргэцүүлэн хэвтсэнээ дугхийв. Тэгээд ийн зүүдэллээ... "Өнгө өнгийн цэцэг алагласан талын дундуур, ижил зүсмийн цагаан морь унаад Модунтай хамт гэлдэрч явна.
- Хатан та нутгаа санах юмуу? гэж Модун асууж байна.
- Тантай хамт байхад үл санана. Танайхны хэлдгээр цагаан зээр, эм хүн хоёрт нутаг байдаггүй гэдэг байх аа гэхэд Модун, дуниартах хөх хөндийд бусдаас онцгойрон харагдах шовгор уулыг зааж,
- Тэнд миний эцгийг хөдөөлүүлсөн юм. Эцэг маань Хүннү улсын төрийг бөхөөх үйл хийсэн учир гэсгээгдсэн. Эцэг ч бай, эхнэр ч бай тийм үйл хийвээс өршөөхгүй гэхэд далдын туршуул болж ирсэн нь илрэх вий хэмээн айсан гүнж,
- Шаньюй! Хэрэв зээ би... ээ, ээ хоёр хүүхдийн эх тэрсэлбэл яах бол гэхэд алсыг ширтэн явсан Модун гүнжийг гайхан хараад,
- Ялгаагүй. Гэлээ ч би чамд итгэж явдаг шүү гэлээ.
Өргөөндөө ойртон яваа бололтой. Яньжийн хүүхдүүдтэй хоёр Луу нь зодолдож буй харагдлаа.
- Шаньюй! Эд чинь хоорондоо чоно хонь шиг болжээ гэхэд Модун үл дуугарна. Хэсэг ноход бас яс булаацалдаж буй бололтой хэрэлдэнэ. Дотор нь бачимдсан гүнж муужран морин дээрээсээ унахад үхтлээ зодуулж, цус нөжтэйгөө хутгалдсан хоёр хүү нь тэндээс "Ээж ээ! ээж ээ!" гэсээр гүйн ирж яваа харагдлаа" гэж хар дарж зүүдэлсэн гүнжийг арайхийн сэрэхэд аль хэдүйнээ өглөө болж, хоёр үр нь орж ирчихсэн байв.
- Ээж ээ, та яасан муухай орилов оо? гэж бага Лууг асуухад гүнж тэднийг өрөвдөн үнсээд,
- Ээж нь туйлын муухай зүүд зүүдлэв гэхэд том Луу,
- Ээж та өнөө орой бид хоёрт үлгэр ярьж өгнө биз гэж зовж зүдэрсэн эхийгээ өрөвдөх сэтгэл сууж амжаагүй хүүхэд зангаар шалгаав. Ганцхан шөнийн дотор гүнжийн царай цонхийж, үс нь арзайн, цаанаа нэг чалх нь буурсныг бүстэй хоёр үр нь хэрхэн ажих билээ.
Тэр шөнөөс хойш гүнж өдөр хоногоор царай алдаж, тунгалаг хоёр нүдний нь гал буурч, хүзүү нь гүрдийн шанааны яс нь овойж, санчигт нь ганц хоёр цагаан үс өдрийн од адил харагдах болсныг хүмүүс янз янзаар ойлгож,
- Гүнжийн маань дуу цөөрч, тураад нэг л биш дээ! гэж ах зах заримууд нь өвөр хоорондоо өрөвдөн гасалж байхад гүнжтэй нас ойролцоо зарим савсаг харцуул болохоор,
- Модунгаа санаа биз дээ! гэцгээнэ. Харин эл учрыг мэдэх "эгч" авгай,
- Иш-ш! Гүнж минь, охин минь өөрийгөө бод. Бүсгүй бидний хувь тавилан иймээс хойш. Үрээ бод. Модунг ирэхэд ийн байж таарахгүй... энээ, тэрээ гэж ятгана. Гэлээ ч урд газрын нүд булаам цэцэг гундсаар... Хүн хүний хувь тавилан ижилгүй нь энэ буюу.

Тэргүүн дэвтэр ТӨГСӨВ.


Top
   
PostPosted: Apr.24.15 11:40 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
Mash sonirholtoi blaa, gunj ug ni muu hun bish yum, gehdee yu ch hiij chadahgui bh daa, bayarlalaa Blooood oo


Top
   
PostPosted: Apr.24.15 12:32 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Blooodee nomniih ni havtsiig saihan scannerdaad uguuch :D

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.24.15 3:31 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Одоо 2-р дэвтэр нь орж байгаа шүү найз нарааа


Top
   
PostPosted: Apr.24.15 4:10 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн

Joined: Jan.31.12 5:45 pm
Posts: 114
Ok thx bloooood


Top
   
PostPosted: Apr.24.15 4:36 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХӨХ ТЭНГЭРИЙН ДООР
/Дэд дэвтэр/
"Тэнгэр ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж, нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож эл улсын элдэв үйлсийг засан хаан алдрыг бататгав. Дөрвөн зүгийн улсыг хүчнээр номхотгов. Миний олон хаад цөм намайг харшлах сэтгэлгүй дагажээ."
Гэрэлт хөшөөний бичгээс...

ТААНУУС ҮҮНИЙГ МЭДТҮГЭЙ
Модун шаньюйн гэр бүлийнхний дунд ихээхэн хүндлэгдсэн хүн бол Хүннү улсын төрийн ёслолын түшмэл өвгөн байлаа. Тэрбээр бүүр Түмэн шаньюйн үеэс төрийн ёслолын хүндтэй үүргийг хүлээж эцэг, хүү хоёрын эвдрэлцээн, энэ тэрийг гаргуун мэддэг атлаа ашиг хонжоо болгохгүйгээр чин шударга журмыг баримталж гагцхүү төрийн хэрэгт нэгэн биеэ зориулсан учир тийнхүү итгэлийг олж хүндлэгдсээр ирсэн ажээ. Төрийн алба хаших энэ тэр гэсээр яваад энэ хорвоод хань ижилгүй гон бие гозон толгой болж хоцорсондоо үл харамсах авч сүүлийн үед бие нь чилээрхэж гэрийн мухар сахихаас хэтрэхгүй болсондоо бас чиг гутарч "ухаан муутай зөнөг толгой, насны эцэст ингэж хэвтэх нь таарсан мулгуу амьтан, тэртээ нэгэн цагт удам муутай гэж Таху вангийн бүсгүй дүүг голж алдсан... муу эр дайнд хөөрдөг гэгчээр хирээ мэдэхгүй онгирч давхиад Мэн Тянь жанжны цэрэг эрийн суманд оногдож можийхоо шахан харин ч аминаас хол туссандаа өдийд шороо хөдөлгөж явдаг, хөөрхий муу Түмэнг суманд шавуулаад унаж байхыг биеэр харсан амьд гэрч атлаа хүүд нь хээв нэг шадарлаад явж байдаг, бас тэгээд Нанхиад, Фунань, Давань орноор хөндлөн гулдгүй явж их юм үзэж нүд тайлсан амьтан гэж байгаа хээ цэс" хэмээн өөрийгөө зэмлэн суух болсныг хэн ч үл тааварлах болой.
...Орхон голд олон мянган жилээр билүүдүүлэн үүссэн гүн хавцлын ойролцоох нов ногоон дэнж дээр хагас хүрээ маягтайгаар барьсан өргөө гэрүүдийн хамгийн баруун захын багавтар гэрээс хуучивтар хүрэн торгон дээл нөмөрсөн настайвтар хүн гарч ирээд гэрийн гадаах хөмөрсөн араг дээр суунгаа тэртээд цэнхэртэн дуниартах Шаньюйн /Хангайн/ их уулсын ар орой дахь галт уулын тогоог ширтэн уртаар шүүрс алдав. Энэ бол төрийн ёслолын түшмэл байлаа. "Орхон мөрний энэ хөндий бол яах аргагүй л эзэн Шаньюйн эдлэн байгууштай нутаг. Энэ их уулс, үргэлжилсэн асга хад бол мануустаан л Түмэн газрын урт цагаан хэрэм гэсэн үг" хэмээн бодож суутал
- Ажаа! гэх дуунаар сая бодлоосоо салж хартал тэрсхэн хоёр хөвүүн, нэг сэвгэр дэргэд нь ирчихсэн зогсож байлаа.
Шаньюйгийнхан өвгөнийг Ажаа гэж хүндлэн дууддаг ажээ.
- Өө миний хүүхдүүд. Ажаа нь таануусыг ирснийг мэдсэнгүй. Орхоны захаар л тоглож байгаа байх гэж түрүүхэн бодож байлаа гэж өвгөнийг хэлэхэд сэвгэр бусдаасаа түрүүлж,
- Таныг тэртээ уулын орой ширтээд амандаа юм бувтнаад байхаар бид сэмээрхэн яваад ирсэн юм. Та өөрөө өөртөө юу яриад байсан юм бэ гэв.
- Ажаа нь аавын чинь тухай, бас аян дайны тухай, газар шорооныхоо тухай бодож байгаа ухаан нь тэр гээд элдэв амьтдын дүрс товойлгон урласан ширдэг тийш зааж алив сууцгаагаач гэлээ.
Орхоны зүгээс ус үнэртсэн зөөлөн салхи сэвэлзэж, ойролцоох төгөлд хөхөө донгодон, бэлчээрт гараагүй хурга ишиг хотны хавьцаа тааваараа налайна.
Тэрсхэн хоёрын арай биерхүү нь шаньюйн авааль эхнэр /яньжи/-ээс төрсөн Гюнчен хэмээх хүү нь, нөгөө цайвар царайтай туранхайвтар нь Хан улсын эзэн хааны "гүнж"-ээс төрсөн Бага Луу хүү байлаа. Харин нилээд эрх байрын сэвгэр бол Шаньюйн хамгийн бага охин ажээ.
Зун болмогц Шаньюйн өргөө Орхоны их цагаан тохойгоос нүүж энд буудаг байжээ... "Нэг эхээс төрөөгүй ч хоорондоо яасан адилхан мондинууд вэ. Энэ гозгор цагаан хэдийгээр Шаньюйтай адилхан ч гүнжээс төрсөн болохоороо аргагүй л урд газрын хүний төрхтэй гээч. Шаньюй ухаантай хүн болохоор эх тусдаа хоёр том хүүгээ аян дайнд дагуулаад явлаа. Энэ Гюнчен, Бага Луу хоёр эртээд үхэр, нохой, гахай, ортоом /эрлийз/ энэ тэрдээн хүрсэн гэсэн. Өнөөдөр эв түнжинтэй харагдана. Энэ Бага Луу хүү ч дотуур тамиртай тархи шиг байгаа юм. Уг нь өөд болооч гүнж уян зөөлөн, ухаантай хүн байсансан. Харин тэр эгч гээд байдаг эм цаанаа л нэг биш байсан шүү, дуугарч цөхөөд л... Ер нь тэр самганы гараар орсон хүүхдүүд үү... урагшаа санаатай байж мэдэх дэгээ" хэмээн өвгөн бодож амжаад
- Миний мэдсэнээр Гюнчен хүү, Бага Луу та хоёрыг эцэг чинь дуудуулсан болохоор яаравчлан мордох нь дээ. Та хоёр одоо эрийн цээнд хүрсэн улсууд. Гэрийн хаяа сахиж, үлгэр сонсож суудаг цаг биш. Харин сургамжтай байх болов уу гэж өнөөдөр би таанууст Цинь улсын Цинь Ши Хуанди, Цагаан хэрмийн тухай жаал зугаа юм нэмж ярьж өгсү. Тэхдээ одоо биш орой сааль сүүний дараа болъё. Яньжи бас сонсох гэсэн билээ гэв.
...Энэ хорвоогийн ээлжлэн байдаг жам ёсоороо бас нэгэн шөнө ойртож үдшийн бүрий эхлэн, бөртийх ч үүлгүй номин хөх тэнгэр алгуур бараантан түг түмэн одод анивчин эхлэхүйд энд тэндгүй хаа хөж хэмээх авгай хүүхдүүдийн дуун тасарч, эргэн тойрон нам гүм болоход хаа нэгэнтээ хоточ банхар бие биеийнхээ дууг авалцан хуцах агаад тэртээ их хөвчид чоно ульж, хойт талын элгэн улаан хаданд бололтой шар шувуу "хүүш хүүш" гэх нь сэтгэлд нэгийг бодогдуулах сэрдхийлгэх ажгуу. Гунигтай ч гэмээр ийм үдшийг ганцаараа өнгөрөөхгүй болсондоо сэтгэл нь ханасан өвгөн түшмэл төдийлөн анзаардаггүй зарцаа дуудаж гэр орноо цэвэрлүүлэн, шинэхэн мах чануулж, холдсон морио ойртуулж өгсөн хүүхдүүдийг урамшуулдаг харь газрын ховор нандин амттангуудаасаа харамгүй гарган явган ширээн дээр өрж, том хүрэл цөгцөнд дэн асаан Яньжи болон хүүхдүүдийг хүлээн суулаа.
Тэгээд намуухан асч байгаа галын дөлийг ширтэн "хөөрхий муу Шаньюй маань өтлөх тийшээ хандаж байдаг. Хоёр эхнэрийн дөрвөн хүү ч юм юм л дуулгана даа. Хан улсын Хатан хаанд зараалаар явсан Шороту дүү маань юу болж явдаг бол. Хатан хаан Шаньюйн захиаг аваад юу гэх бол... уг нь сийрэгхэн ухаантай эм гэсэн. Гэвч эм бар аюултай гэж нэг үг бий дээ" хэмээн холын юм бодож байтал Яньжи, хуантайз нар орж ирэв.
Хааяа ганц нэг од уртын урт сүүл дагуулан харвах агаад доор бараантагч дэлхийг үүрд орхин одсон хүмүүн дээр хөхрөгчид очоод өөр өөрсдийн галыг асаадаг тул тэр нь шөнийн цагт гэрэлтэн харагддаг хэмээн Хүннүчүүд дээд тэнгэр, өвөг дээдсийнхээ сүнс сүлдэнд мөргөдөг ажээ.
Тэднийг оройн зоог барьж байтал нэгэн хурц од гэрэл сацруулан харвахыг тооноор харсан Яньжи,
- Хөөрхий ямар гээч нь галаа алдаж байгаа юм бол доо гэж сүүрс алдахад өвгөн,
- Цинь Ши Хуандийн тухай ярих гэж байхад од харвадаг ч нэг сайн юм биш дэг ээ гэж сэжиглэн хэлсэн боловч нэгэнт ярьж өгөхөөр амласан тул ийн өгүүллээ.
- Нанхиад зоны өөрсдийнх нь хэлдгээр Ваньли Чанчен, манайхны хэлж сурснаар Түмэн газрын урт цагаан хэрмийг одоогоос зуу гаруй жилийн өмнө Жао-гийн усгааны ван Ву-Лин гэгч бидний өвөг дээдэс Хяньюнь нарын довтолгооноос хамгаалж анх босгож эхэлсэн гэдэг юм гэхэд Шаньюйн дүрсгүй эрх сэвгэр,
- Ажаа та өөрөө тэр цагаан хэрмэн дээр гарч байсан юм байгаа биз дээ гэж нухацтай асуухад сэтгэл нь зовсон Яньжи охиноо зөөлөн нударч,
- Чи урьдаар сонсож сураач гэж зэмлэхэд өвгөн,
- Охин минь! Гүнжтэн минь ажаа нь өдий наслахдаа юуг эс үзэв. Цагаан хэрмэн дээр гарах нь байтугай цаад талд нь байх Пинчен хотын дэргэд Хан улсын өөд болооч Хуанди Гао-Цзу Эзэн хааныг манай шаньюй бүслээд буулган авч байхыг нүдээр үзлээ шүү дээ. Энэ бүхнийг Хүннү улсын төрийн их дэвтэрт ажаа нь бичиж нууцлан хадгалдаг юм шүү дээ. Таануус миний заадаг бичгийг сайтар сурч байгаа болохоор хэтдээ Шаньюйн зөвшөөрлөөр унших биз ээ гэснээ та нар лавлаж асуух гээд байх шиг байна уу, асуу л даа гэхэд өвгөний үгийг амаа ангайн чагнаж суусан Гюнчен,
- Ажаа тэгээд тэр дэвтэр чинь олон байдаг юм уу гэхэд "Шаньюйн энэ шовгор бор ой ухаан сайтай. Ухаалаг эр болно доо чи" хэмээн бодсон өвгөн,
- Ганцхан байдаг юм. Ганцхан хувь хөтлөхөөс өөр аргагүй. Шаньюй маань саяхан аян дайнд мордохынхоо өмнө таанууст хэлж өгөөрэй гэж надад захиж хэлсэн юм. Надаас хойш таануусын хэн нэг нь хөтөлж байвал зүгээрсэн гэхэд дув дуугүй газар ширтэж суусан Бага Луу,
- Тэр дэвтэр чинь яагаад нууц байдаг юм бэ гэхэд өвгөн "Хэрсүү моньд бол" хэмээн бодоод энэ дэвтэрт манай мянган жилийн түүх бичээстэй байдаг юм. Таануусын өвөг дээдэс хэн гэгч хаана төрсөн, хэнтэй байлдаж ямар гавъяа байгуулсан, ямар аймгийн хүн болох гээд тун нарийн юмыг бичнэ шүү дээ гээд бүгдийг тойруулан хараад хэсэг зуур чимээгүй сууснаа хэрэв үрэгдчихвэл хожим хойчийн үр сад маань самуурч, төр улсад ан цав суулгаж мэднэ гэснээс л эл бичгийг хөтөлж нууцлан хадгалж байгаа юм шүү дээ хүүхдүүд минь гэхэд эрх сэвгэр,
- Ажаа тэр бичигт чинь буурал аавын тухай /Түмэн шаньюйг хэлж буй бололтой/ байх уу гэхэд "энэ годгор ч Яньжиг дуурайсан сэргэлэн моньд доо. Яньжи л багадаа ийм хэл ам сугалчих гэсэн бүсгүй байлаа. Бид энэ хүүхдүүдийг бага юм, балчир юм гээд байдаг маань биш болжээ. Хамгийн отгон энэ сэвгэр гэхэд л арван тав зургаа хүрчихсэн байна" гэж бодонгоо,
- Байнаа. Таануусын тухай хүртэл цөм байна шүү дээ гэхэд Бага Луу,
- Ижун багш бидэнд хэлэхдээ Том Луу бид хоёрыг Хан улсын хааны зээ гэсэн юм. Энэ тухай бас байх уу гэхэд ихэд цочсон өвгөн түшмэл хий ханиалгаад,
- За хүүхдүүд ээ! Цинь улсын эзэн хаан Цинь Ши Хуандийн тухай яриандаа оръё. Тэгэхгүй бол маргааш нөгөөдрөөс хоёр хуантайз маань алс газар явах тул энэ талаар мэдэж байхгүй бол болохгүй. Та нар хожим хойно бүгдийг ойлгох болно, тийм биз дээ охин минь гэж Яньжигаас дэмжлэг эрэхэд цаадах нь зөвшөөрч толгой дохиж сууснаа,
- Ажаа таны бие тэнхээ гайгүй биз дээ, өчигдөр гадуур харагдахгүй байхаар тань зовоод хүн явуулсан чинь баахан ном судар дэлгэчихээд сууж байна гэхээр тайвширлаа шүү гэхэд,
- Надад ямар өвчин хууч гэж байх биш. Төрийн их үйл хэргээс хөндийрч гэрийн мухар сахиж суух болсондоо л заримдаа байж суух газраа олохгүй ямар сайндаа өөрөө өөртэйгөө яриад гэж хүүхдүүдийн тоглоом болж байхав дээ охин минь гэхэд Яньжи сэтгэлийг нь засаж,
- Таны ямар танаг тасарчихсан биш, рашаан усанд явахгүй юу даа... гэхэд Яньжид эцгийн ёсоор хандаж төрсөн охин шигээ хайрлаж явдаг өвгөн түшмэл ихэд баярлаж өндөлзөв.
Гурван хүүхэд төрүүлсөн хирнээ галбир нь огоот эвдрээгүй энэ бүсгүйг харсан хэн бүхэн хайрлаж хүндэтгэх авай. Ийм сайхан цэцэг тал хээр нутагт ургахаас биш өөр хаана ч үл тохиолдном гэлтэй. Хан улсаас ирсэн гүнж хоёр хүүхэд төрүүлээд гандаж нүднээс бараг гарчихаад бие сэтгэлийн ачааг үл даан цэл залуу насандаа хоёр үрээ өнчрүүлэн ертөнцийн мөнх бусыг үзсэн байхад тал хээр нутгийн эл бүсгүй тэнгэрийн дагины ихэмсэг төрхөө хадгалсаар...
- Шаньюй алсын аянд мордохдоо таныг сайн харж хандаж байгаарай гэж бидэнд аминчлан захисан юм хэмээн Яньжийг намуухан дуугаар нэмж хэлэхэд
- Тийм байх аа. Шаньюй маань өтөлсөн энэ тэр гэж гололгүй намайг дандаа авч явдаг байлаа шүү дээ. Энэ удаа яасан юм бол гэж асууж чадалгүй дотроо гомдохчоон аядаж байлаа охин минь гэснээ би түрүүн юу гэж яриад зогслоо гэхэд сэргэлэн сэвгэр бусдаас түрүүлж,
- Цинь Ши Хуандийн тухай ярья гэсэн, тэгээд ээж тар хоёр өөр юм яриад явчихсан шүү дээ гэхэд өвгөн жуумалзан,
- Аа тийм л дээ. Тэгээд тэр Жоу-гийн угсааныхны хаанчлал дуусч, хязгаар нутгийн Цинь хэмээх муж улсын захирагч Ин Чжэн гэгч хүн бусдаасаа тодрон гарч ирээд зэргэлдээх зургаан муж улсыг эршээлдээ оруулан Их Цинь /Чайна/ улсыг байгуулсан гэдэг юм. Ин Чжэн ван өөрийгөө хамгийн анхны эзэн хаан хэмээн зарлаж тэр цагаас түүнийг Цинь Ши Хуанди гэж өргөмжлөх болсон гэх буй гэснээ өвгөн тооно өөд өлийж харан бодлогоширсноо их л хатуу хүн байсан юм даг уу даа гэв.
Саргүй шөнийн тэнгэрт түг түмэн одод жирвэлзэн байлаа. Орхоны цутгалан нүсэр их усаа хаян хүрхэрч алсад морин төвөргөөн үл мэдэгдэм сонсогдоно. Тэд нэг хэсэг чимээгүй суулаа.
- Таануусын өвөгтэй ойролцоо насны хүн байлаа тэр Цинь Ши Хуанди гэж өвгөнийг гэнэт нэмж хэлэхэд Яньжи
- Ажаа та тэр эзэн хаантай уулзаж байв уу? гэхэд
- Ажаа нь цэл залуудаан өөд болооч Шаньюйд шадарлаж нэгэн удаа түүний зараалаар Хуандийн өргөөнд очиж байлаа. Дунд зэргийн нуруутай, цулцгардуу цагаан хүн байсан санагдана. Харахад дөлгөөн. Хүн дээр хараа тусгахаараа нэвт шувт харж байна уу гэлтэй эвгүй санагдаж байсан шүү. Цинь Ши Хуанди өөрийн гарамгай жанжин Мэнь Тяныг их цэрэгтэйгээр хөдөлгөж бидний эцэг өвгөдийн газар шороог булаан аваад цагаан хэрмийг босгон түүний дагуу дөч гаруй хот суурин байгуулсан юм шүү дээ гэхэд Гюнчен
- Тэр хэрэмний цаана манай газар шороо үлдсэн гэж Хүрэлдэй ахын ярьж байхыг сонссон гэхэд,
- За тэр үнэн юм шүү. Гэхдээ Хан улсын эзэн хаантай хожим тохиролцож хэрмээс хойшихыг Шаньюй, хэрмээс дотогшихыг Хуанди захирч байх болсон юм. Энэ тухай төрийн нууц дэвтэрт тэмдэглэсэн. Хожим таанууст хэрэг болно гэхэд Яньжи,
- Хүүхдүүд ээ, шөнө орой болж байна. Цинь Ши Хуандийн тухай сонсъё гэв. Өвгөн суудлаа зассанаа,
- Хуанди өөрөөсөө өмнөх бүх зүйлийг үгүйсгэж урьдын сургаал номлолоо гэж өөрийнхөө бичгийн багш тэргүүтэй Гүнзийн сургаалд нэвтэрхий таван зуун эрдэмтэн мэргэдийг цаазаар авч заримуудыг нь амьдаар нь хүртэл газарт булсан юм гэнэ билээ гэхэд Яньжи уулга алдаж,
- Пөөх ямар аймаар юм бэ гэхэд өвгөн
- Энэ ч юу ч биш. Урт цагаан хэрмийг босгохын тулд үй түмэн боол, зардас, олзлогдогсодыг өдөр шөнөгүй зүтгүүлж, өвчин зовлонд учрагсадыг амьдаар нь хананд хийж хэрмийг босгосныг миний үеийнхэн мэдэх юм. Өөр олон аймшигт явдал бий боловч энэ удаа түр хойшлуулъя гэв.
Модунгийн сэвгэр ээжийнхээ өвдгийг дэрлэн аль хэдүйнээ унтсан байлаа. Харин хоёр хуантайз өвгөний яриаг туйлын их сонирхож буй бололтой амаа хагас ангайн дув дуугүй сонсоцгоож байснаа эхлээд,
- Их сонин юмаа гэж Гюнченийг хэлэхэд,
- Ижун багш бидэнд ийм юм ярьдаггүй байсан шүү дээ гэж Бага Луу атаархангуй өгүүлэв.
- Ижун багшид чинь ярих зав гараагүй байлгүй дээ гэж өвгөн амандаа бувтнаснаа Цинь Ши Хуанди хэдийгээр аугаа хүн байсан ч муу үйл олныг хийснээс үр ач нар нь хүртэл тэнгэрийн таалалд нийцээгүйн улмаас Цинь улс мөхсөн юм шүү дээ. Цинь Ши Хуанди өөрийгөө үл бүтэх хүмүүсээр хүрээлүүлсэн явдал ч бас муу үйл хийхэд түлхсэн гэдэг юм. Хуанди хоёр хүүтэй байсан юм даг. Үе залгамжлагч ахмад хүү нь хойт хил дээр Мэнь Тян жанжны дэргэд алба хашиж цэрэг цуухын хэрэгт суралцаж байсан гэх буй.
Эзэн хаан нэгэн удаа хил хязгаараа эргэхээр зөвлөх түшмэл Ли Сы, тамаг баригч түшмэл Чжао Гао нарын зэрэг шадар хүмүүсээ дагуулан гарч явах замдаа хүндээр өвчилж ертөнцийн мөнх бусыг үзэх болсноо ухаарч Мэнь Тяны дэргэд байгаа ахмад хүү хуантайз Фү Сү-дээ "Төрийн жолоог чамдаа шилжүүлэх боллоо. Түргэн иртүгэй" гэсэн үгтэй гэрээслэл бичүүлж хүүгээ хүлээж чадалгүй өөд болсон гэдээг. Хуанди үхсэн боловч ойрын цөөхөн хүмүүсээс бусад нь мэдээгүй, хуандийг амьд гэж итгэсээр байж л дээ. Эзэн хааны гэрээслэлийг бичиж байхдаа Чжао Гао-гийн толгойд нь гэрээслэлийн санааг өөрчлөх нэгэн аймшигт бодол төрж үдэш нь Ли Сы-д бараалхан Эзэн хааны гэрээслэлийг үзүүлэхэд зөвлөх түшмэл ихэд тэвдэж буйг ашиглан,
- Фү Сү хаан ширээнд сууваас та бид хоёр Хүннү нарын хэлдгээр үнсэнд хаягдсан шалз шиг болно. Хуантайз өөрийн багш Мэнь Тяныг бүх цэргийн ерөнхий захирагч болгож таараа. Жанжин бид хоёрт хэзээний таагүй ханддагийг та юу эс андах билээ. Тэгээд та бид хоёрыг шоронд хийж шороонд булах бус уу гэхэд нь айсандаа усан хулгана болтлоо хөлөрч хэзээ хэзээгүй амь тавих нь уу гэмээр царайтай болсон Ли Сы,
- Тэгээд яах вэ гэж сандран асуухад хүний сэтгэлийн зовлон дээр тоглож сурсан Чжао Гао,
- Надад нэг санаа төрлөө гээд Эзэн хааны гэрээслэлийн үгийг өөрчилж "Фү Сү-г олны нүдэн дээр амиа золиосло" болгон явуулбал яасан юм гэвэл амьд явахын хязгааргүй хүслэнд хөтлөгдсөн зөвлөх, тамаг баригч түшмэлийн нарийн ухааныг биширч үгсэн хуйвалдаад тэр өдөртөө зохиомол гэрээслэлийг явуулж л дээ гэхэд Яньжи,
- Ямар аймаар юм бэ гэв. Гэрийн дотор чив чимээгүй агаад өөр өөрсдийн бодолд хөтлөгдөн байтал нам гүмийг эвдэж Гюнчен,
- Ажаа! тэгээд тэр Фү Сү хуантайз яасан бол гэхэд,
- Хуантайз угаас элбэрэл төгс, шулуун шударга нэгэн байж л дээ хөөрхий. Захиаг хүлээж аваад бүх цэргээ жагсаан өөрийнхөө амийг золиослосон гэдэг гэхэд Бага Луу,
- Тэгээд Эзэн хааны ор хэн суусан болоо гэв. Өвгөн түүнийг нухацтай харснаа,
- Хуанди хоёр хүүтэй байсан. Бага хүүг нь Ху Хай гэдэг байв. Түүнийг би хүртэл мэдэх юм. Тэрбээр жаахан ухаан мулгуу, элдэв хов живэнд дуртай, сэтгэлийн тэнхээ муутай, болох болохгүй хүний үгэнд оромтгой нэгэн байснаас хаан ширээнд суусныхаа дараа бүтэлгүй юм их хийсэн гэх буй. Дээр миний хэлсэн хоёр түшмэлийн үгэнд орж өөрийнхөө төрөл төрөгсөдийг бараг толгой дараалан цаазалсан гэдэг юм. Тэх Ху Хайг хаан ширээнд сууснаас хойш ганцхан үгнээс болж хамраа огтлуулах, шөрмөсөө таслуулах, хавиргаа хадуулах ч юу ч биш болсноос аюун эмээсэн үй түмэн хүн цагаан хэрэм давж манай газарт ирж байсан юм шүү дээ, хүүхдүүд минь. Төрийн хэрэг нарийн тул таануусыг үүнийг мэдтүгэй гэсэндээ ярив гэлээ...

ЭЗЭН ХААНЫ ОРДОНД
Хан улсын эзэн хааны "гэрэл сацруулагч" хэмээх ордон ялимгүй өндөрлөгт бусдаас ялгаран халуун бүлээн орны төрөл бүрийн мөнх ногоон мод, хулсан төгөл, цэцгийн мандал дунд умбан, цэцэрлэгт хүрээлэнд нь далан хэлийн шувууд шулганалдан, нанхиадын уран барилгачдын ур ухаанаар бүтсэн хиймэл нуур, цөөрөмд өнгө өнгийн загас сүлжилдэхийг гайхаад гайхаад үл барам.


Top
   
PostPosted: Apr.25.15 11:22 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
уг нь өглөө ажилдаа гарахдаа уншсийн, яараад юм бичиж чадаагүй. Модуны яньжигаас гарсан хүүхдүүд гэж нөгөө барьцаанд явуулдаг хатан мөн үү, нааад цус холилдсон нөхдүүд бол урд зүг рүү санаатай л болох бх даа, баярлалаа Болоодоо


Top
   
PostPosted: Apr.25.15 3:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Би Модун Шаньюйгийн түүхийг эртний түүхийн дээж бичиг, Сыма Цяны түүхэн тэмдэглэл тэргүүтнээс уншиж байснаас ийнхүү уран зохиолын ном болсныг нь уншаагүй юм байна. Эх түүхийн үндэстэй холбоотой сайхан номууд оруулж байгаад нь Bloood гишүүнд талархаад баршгүй. Гэхдээ энэ номыг угаасаа ингэж бичсэн юм болов уу, эсвэл жаахан товчилж оруулаад байна уу? :wink:
Тэргүүн дэвтэр давс нь жаахан сулдсан мэт, эс бөгөөс нумын хөвчийг хагас татаад сумаа сулхан тавьсан мэт нэг л дутуухан санагдлаа. :think:
Жишээ нь тэр "ХҮННҮ УУЛЫН ТАХИЛГА" хэмээх бүлэг дөнгөж эхлээд өөр бүлэг залгагдсан мэт. Эхний 11 өгүүлбэр л их тахилгын эхлэлийг өгүүлээд үлдсэн хэсэг нь хэдэн жилийн дараах явдал хийгээд Модунгийн Гао Хоуд гэрлэх санал тавьсан тухай дурьдаад дуусахаар жаахан сонин санагдав. Уг нь тэнд л Модун Шаньюйгийн агуу үйл хэрэг эхлэх ёстой байтал гэнэт тасраад алга болчихоор нь гайхлаа л даа. Чухамхүү тэр их тахилга дээр л "газраа өг" хэмээгсдийн толгойгоор тайлга хийгээд дараагийн бүлэгт нь их цэрэг хөдөлгөн бэлтгэлгүй байсан ДунХуг довтлон бут цохиж эрхшээлдээ оруулахыг хүлээж байсан болохоор тэр байх л даа...
Хожим дурсамж байдлаар тэр цэгтээ буцаж ирэх юм болов уу?
Бас Модун Шаньюйг 174 онд нас барсан гэж боддог байтал тус бүлэгт
Bloood wrote:
...Манай эриний өмнөх 192 оны тийм нэгэн зун Модун шаньюй Орхон голын цагаан тохойд зусч байлаа. Наран хэлбийж, уулын сүүдэр хүүшлэх дөхсөн үед их өргөөнд Модун шаньюй, эцгийн үеэс өргөө хавьцаа байж ёслолын түшмэлийн дэв зэрэгт хүрсэн цав цагаан сахалтай, цал буурал өвгөнтэй хуучлан суулаа...
гэж байхыг бодвол би л буруу боддог байсан юм байлгүй :think:. Дэд дэвтэрт юу өгүүлэхийг хүлээж сууна даа.


Last edited by Bookcracker on Apr.25.15 4:30 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Apr.25.15 3:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.20.08 9:48 am
Posts: 4754
Location: юм бичхээр араас хэн ч бичихгүй... уйтгартай... хогийн газар
Гайхалтай!

_________________
Чатчдын яруу алдар бадраг!


Top
   
PostPosted: Apr.25.15 3:56 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 1972
Location: Go for needs not sales
bayrlalaa bloodoo :)

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.28.15 11:48 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Эл ордон эргэн тойрон бэх бат ханан хэрмээр тусгаарлагдсан агаад энд бас цэнгэлийн танхим, зочдын байр, номын сан, мөргөлийн сүм, бие хамгаалах цэргийн хуаран гээд бүгд өөр өөрийн өнгө төрхөөр хослон, сонин хачин шийдэл, гоц ганган тансаг байдлаараа нүд булаах ажгуу.
Хэдэн жилийн өмнө Хан улсын эзэн хаан Гао Цзу умрын зэрлэгүүдийг дарна хэмээн дөчин түмэн цэрэг авч гараад Пинчен хотын дэргэд Модунгийн цэрэгтэй тулалдан бүслэгдэж, улмаар жил бүр хүссэн хэмжээний бэлэг сэлт /татвар гэхийг өөрсдөө ингэж хэлнэ/ өгч байх, бас "энх ураг барилдан" байж бүслэлтээс мултран буцах замдаа насан эцэслэхэд ор суух Хуантайз хүү нас балчир тул төрийн жолоог Хатан хаан Гао Хэу барьж байлаа. Хатан хааныг нийтээрээ Хуан Тайху хэмээн өргөмжлөн авгайлна.
Өөд болооч Эзэн хааны Модунтай хэлэлцэж тохирсныг чанд баримталж, жил бүр их хэмжээний бэлэг сэлтийг өгч умраас довтлох аюулгүй хэдэн жил амар тайван байж, дотоодын самуун дэгдээгчидтэй тэмцэл явуулж байтал гэнэт Хүннү улсын элч довтолгон ирж Модун шаньюйн захиаг авчирснаас хэрэг мундарч үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигналдан Хүннүгийн байдал, ёс заншлыг сайн мэдэх хүнийг олох, умрын газарт очиж Шаньюйн татвар эхнэр болсон "гүнж"-ийн дэргэдэх "эгч" гэх далдл туршуулаас ирүүлсэн мэдээ сэлтийг сонсох, элчид өгөх хариуг бэлтгэх гээд бөөн явдал болжухуй.
...Хан улсын бэлбэсэн Хатан хаан төрийн зөвлөхтэйгөө цэцэрлэгт хүрээлэн дэх сүүдрэвчинд ярилцан суулаа.
- Та нөгөөх өвгөнөө олуулсан уу гэж Хатан хааныг асуухад гараа элгэндээ барьж ялимгүй мэхийн зогссон зөвлөх
- Жа! Хуан Тайху минь! Олсон шүү. Хэзээ танд бараалхуулж болох бол гэхэд
- Өнөө орой сэрүүн танхимд авч ир. Ингэхэд хаанаас олов?
-Жа! Хунну /Хүннүг тэд Хунну буюу умрын бүдүүлэг, хэрцгий боол гэх зэргээр хэлдэг ажээ/ нарын нутгаар тэнүүчилж яваад энэ хавар хилийн боомтоор орж ирэхэд нь манайхан барьж шоронд суулгасан байжээ. Аз болоход арай алчихаагүй байж шүү гэв.
Ойролцоо ганган тансаг өд юугаан дэлгэж гайхуулж яваа тогосыг ажиглаж суусан Хатан хаан,
- Тэр өвгөн чинь тэгвэл тэдний ёс заншил, цэрэг цуухын явдлыг сайн мэдэх хүн юмаа даа гэхэд,
- Жа! Тиймээ Хуан Тайху минь! гээд их ухаан зарж буйн дүр үзүүлж эрүүгээ шувтран газар ширтсэнээ одоогийн энэ Модунгийн эцэг Түмэн шаньюйг оршуулах ёслолд оролцож байсан хүн юм байна. Ху нарын нутгаар хөндлөн гулдгүй тэнүүчилж хүйтэнд нь хөрч халуунд халж явсан болохоор... гэтэл Хатан хаан үгийг нь тасалж
- Тэд чинь Цинь улсын Хуандийн дэргэд шадарлаж байсан хүнийг яагаад алчихдаггүй байв гэхэд,
- Жа! Ийм юм л даа. Хуанди маань өөд болсны дараах хэрэг явдлыг та мэдэх тул үл нуршин хэлэхэд цаазын илднээс зугатаж манай өдий төдий хүн Цагаан хэрэм давж нүүдэлчдийн газарт амь гуйж очсон юм билээ. Тэдний дотор төр улсын зүтгэлтэн, Гүнзийн сургаалыг төгс эзэмшсэн эрдэмтэн мэргэдээс өгсүүлээд цэрэг, тарианы хүмүүс өдий төдийгөөрөө байж л дээ. Заримууд нь "элсэн далайг" туулж чадалгүй замдаа ертөнцийн мөнх бусыг үзсэн гэдэг. Харин мань хөгшин яаж шүү яваад өдий хүрсэн юм бүү мэд. Энэ Хунну нарыг хүний мөс сайтай гэж ярьдаг ортой болов уу. Эцэг шаньюйг хөдөөлүүлэх ёслолд нь оролцож танил болсон болохоор нь дор бүрдээ тусалж байсан болов уу гэтэл Хатан хаан үгийг нь тасалж,
- Хуннугийн элч зардаст юм үзүүлж, зугаацуулж байна уу гэхэд,
- Жа орой бүр зоог барьж байгаа. Хуурай газрын улс болохоороо уснаас жаахан айх боловч завиар зугаацах их дуртай юм. Харин эмс охидоос цэрвээд байх бололтой гээд хоолойгоо засахад,
- Элчийн нэрийг Шоло-т-ю гэсэн байхаа гэв.
- Жа! Тийм ээ. Шороту гэдэг юм билээ. Хуннугийн адуун сүргийн их ноён. Модунгийн эхийн талын ойр төрлийн хүн гэсэн.
- Нөгөө Шаньюйд өгөх захиа юу болж байна.
- Жа бараг бэлэн болсон.
- Бараг гэдэг чинь юу гэсэн үг вэ. Яагаад алгуурлаж байна. Энэ чинь төрийн хэрэг шүү гээд Хатан хааныг уурсахад Зөвлөх навтасхийн сөгдөж духныхаа хөлсийг арчаад,
- Юу л даа Хуан Тайху минь! Таны нэр сүр, насанд тань үл зохилдох үг захидалд байх нь гэтэл Хатан хаан,
- Миний хэлснээр бичсэн бол болоо юм биш үү гэхэд
- Жа! Хуан Тайху минь. Та айлдах нь айлдсан.
- Тэгээд
- Жа! Нэг эвгүй үг сонсогдоод болдоггүй ээ.
- Ямар үг?
- Жа! Хуан Тайху минь ээ... ээ... ээ... юу л даа. Таны нас сүүдэр гайгүй, гоо үзэсгэлэн төгөлдөр хэвээрээ, бас гэтэл Хатан хаан уурсан өндийж,
- Тэгээд та нар юу гэх гээд байгаа юм. Шаньюйтай ханил гэх гээд байгаа юм уу хэмээхүйд,
- Хуан Тайху минь! Та... ээ... ээ хэлэхдээ ээ... ээ үс гуужиж, хөл муудаад явахуй дор ээ... ээ... алцаганан ядруу буурай болжээ би гэж бич гэснийг тань арай өөр үгээр хэлбэл яасан юм бэ л гэх гэсэн билээ гэхэд Хатан хаан буцаж суунгаа элгээ хөштөл тас тас хөхрөв. Цэцэрлэг дотор ихэмсэгээр хөлхөж явсан тогос шувууд хүртэл зогтусан юу болов гэсэн хэвтэй бие биенээ харцгаав. Хатан хаан хөхөрч хөхөрч,
- Эрхэм зөвлөх минь! Чухамдаа наад үгэнд чинь хамаг учир байгаа юм шүү дээ гээд жуумалзахад,
- Жа!
- Аль болохоор тэр Шаньюйн ойг гутаах үг байх хэрэгтэй. Тэгж бичлээ гээд хан улсын Хуан Тайхугийн үс, шүд нь өнөөдөртөө унаж, явахдаа алцаганаад байхгүй биз дээ гэснээ дахин тас тас хөхрөхүйд зөвлөх,
- Таны мэргэн ухаанд биширмүү. Харин би холыг харж чадахаа больж явахуй дор өцөгнөх болжээ. Хуан Тайху минь намайг өршөөнө үү. Таныг бүүр хар нялхаас дэргэд чинь байж өдий хүртэл шадарлахдаа таны гоо сайхан үргэлж хэвээрээ байгаагаар тань бахархахдаа тийнхүү хэлснийг сөрөв би гэтэл Хатан хаан зөвлөхийнхөө мөрөн дээр бүлээн гараа зөөлөн тавиад,
- Мэргэн зөвлөх минь! Сэтгэлээ бүү зовоогтун. Бид хоёр ойлголцлоо. Харин одоо тэр захиагаа бүхэн эхээр нь дуудаад орхи гэхэд зөвлөх хөлсөө арчаад захиаг дуудав... "Наран эхтэй, саран эцэгтэй Хунну улсын эзэн Шаньюй таны амар амгаланг эрмуй. Шаньюй та өтлөн доройтсон надыг ойшоон захидал илгээсэнд туйлаас баярлахын сацуу насаа эргэн тоолж үзвээс залуу зандан нас минь хэдүйнээ улиран одож бие тэнхээ доройтож, чадал буураад явахуй дор гээд ээ... ээ гэж түгдчихэд Хатан хаан жуумалзан,
- Зөвлөх минь аль болохоор ойг нь гутаах үг байх хэрэгтэй гэж би танд хэлсэн байх аа. Эвтэйхэн бултахгүй бол нэг л өдөр Шаньюйн үй түмэн морьтонгууд үерийн ус шиг сад тавиад ороод ирвэл дотоодын самуунаа дийлэхгүй шахуу байгаа энэ эгзэгтэй үед юу болох билээ. Тэгээд ч Модун нааш хөдөлж Элсэн далайг аль хэдүйнээ гаталсан мэдээ бий. Цааш нь дууд гэв. Зөвлөх дороо хавчиганаснаа хий ханиалган хоолойгоо засаад... явахуй дор алцаганан нүднээс гарчээ би. Шаньюй та ийм хөгшнийг идэр мэтээр эндүүлсэн нь хожим харамсавч үл барах тул хүлцэл өчиж эл учрыг тоочихын дашрамд Танд ёслолын хоёр сүйх тэрэг, сургуультай морь хосоор дөрвийг өргөн дэвшүүлж байна" гэж уншихад Хатан хаан,
- За болжээ гээд хэсэг зуур бодлогоширсноо Шаньюй болон Яньжи нарт бэлэг болгох алт, мөнгөн эдлэл, шүр, сувд, торго хоргойг сангаас харамгүй гарга. Би өөрөө элчид гардуулах болно. Нөгөө бадарчин өвгөнийг надтай уулзуул гээд өндийлөө.
Цал буурал толгойтой, шингэн цагаан сахалтай, нүднийх нь гал унтраагүй, туранхай өвгөнийг сүр бараа болсон цэргийн бололтой дөрвөн эр дундаа оруулан Эзэн хааны ордны гол хаалганы номин цэнхэр чулуугаар хийсэн шатаар өгсч, довжоон дээр гарч ирснээ түр саатах зуур түрүүлж явсан сагсуу байрын цулцгар махлаг цагаан эр өвгөнд хандаж,
- Та урьд нь өөд болооч Цинь Ши Хуандийн дэргэд шадарлаж байсан болохоор ордны ёс горимыг хэлүүлэлтгүй мэднэ биз дээ гэхэд амьсгаагаа арай ядан дарж зогссон өвгөн,
- Жа! Өчүүхэн боол нь аугаа их Цинь Ши Хуандийн дэргэд бараалхаж байснаас биш Хан улсынхаа Хуан Тайхутай нүүр учирч ордонд нь хөл тавьж үзээгүйн тул эндэж осолдох вий гэж зовж явна гэхэд зааж зааварчлах ажлаа хөнгөвчлөхийг бодсон нөгөөх эр толгойдоо халтай үг алдсанаа дүйвүүлэх санаатай,
- Тийм дээ. Тэр цагаас хойш олон жил өнгөрч, та бас өвгөрч ухаан санаа чинь муудсан болохоор... ээ... ээ аргагүй шүү дээ хөөрхий гэснээ нөхөддөө хандаж таануус эндээ хүлээж бай. Би Их тайганд хэл хүргээд ирье гээд дотогш орчихов.
"Үеэ өнгөрөөсөн намайг юунд баривчлан энд авч ирэв. Нэг л том хэрэг мандлаа. Цинь Ши Хуандийн ордонд шадарлаж байсан уу гээд асуугаад байхыг бодвол бөндгөр маань мөрөн дээрээ тогтох хоногийн тоо гүйцсэн бололтой. Хуанди ч амьддаа болоод үхсэн хойноо мөн ч олон хүний амийг авсандаг. Одоо ч үргэжилсээр. Түүнийг үхэхэд түмэн морьтон цэрэг эрсийг биет байдлаар нь модоор сийлж дагалдуулан бунхалсан ч араасаа бас үйлийн үрт амьтдыг дуудсаар. Түмэн газрын урт цагаан хэрэм, түмэн морин цэрэгтэйгээ мөнхөрсөн атал дахиад юу хүснэ вэ. Мулгуувтар хүү нь ор сууж яваа ахаа, ахан дүүсээ хүйс тэмтэрч, үй олон хүнийг тамлан зовоосноор лай ланчиг нь дуусаагүй гэж үү. Тэгэхэд нанхиад газрын чулуу хүртэл уйлж байсан гэж тэр их уй гашуу зовлон зүдгүүрийг хойшид ухаараг хэмээн зүйрлэн бичиж үлдээсэн өгөр толгой би өөрөө өөртөө занга тавьсан болж таарч байна аа даа янз нь. За юу л болвол болог. Энэ хорвоод төрөөд уул болтол идэж, нуур болтол уулаа хөөрхий" хэмээн өвгөн элдвийг эргэцүүлэн бодож байтал ордноос хоёр бүсгүй гарч ирээд түүнийг сугадан дотогш оруулав.
Эзэн хааны ордны сэрүүн танхимд энд тэндгүй дэнлүү асааж, элдэв сайхан үнэртэн танартан уугиулжээ. Хатан хаан суудалдаа тухалж зөвлөх түшмэл, цэргийн зарим эрхтэн дархтан нар байраа эзлэн, түүхч, бичээч нар бийр, янтайгаа зэхчихсэн өвгөнийг орж ирэхийг хүлээж байлаа. Хан улсын Хатан хаан угаас төрийн хэрэгт няхуур ханддаг, ухаалаг хүн тул умрын орны их эзэн Модун Шаньюйд хариу захиа явуулахын өмнө тэдний ёс заншил, цэргийн хүч сүрийг мэдэхээр Цинь угсааныхны хаанчлалын үед Хуандийд шадарлаж байгаад мартагдсан нэгэн түшмэлийг олж ирүүлээд сонсох гэж буй нь энэ ажээ. Өвгөнийг оруулж ирэнгүүт Хатан хаан шууд,
- Хунну нар одоогийн Шаньюйгийнхаа эцгийг оршуулахад таныг оролцож нүдээрээ үзсэн гэцгээх юм. Бас та Модунтай нэг бус удаа нүүр учирч байсан хүн юм байна. Тийм болохоор тэр хүний тухай нэгд нэггүй сонсмоор байна гэж намуухан бөгөөд цаанаа захирангуй өнгөтэй хэлэхэд чих нь нилээд хатуурсан өвгөн сөхрөө чигээрээ урагшилж,
- Жа! Өчүүхэн боол би Хуан Тайху таны айлдсаныг хагас дутуу сонссоныг өршөөх ажаамуу. Та болгоовол гэтэл Хатан хаан ойрт гэж дохиод,
- Та энэ олон жил хаана яаж амьдарч байв гэхэд,
- Жа! Хуан Тайху минь! Эзэн дээдэс минь! Өчүүхэн боол нь аугаа их Хуандийн насан өөд болсон тэр нэгэн хар өдрөөс эхлэн Хүннү /Хунну гэсэнгүй/ нарын нутгаар тэнүүчилж явсаар өссөн төрсөн газраа ясаа тавих минь гэж ноднин буцаж ирсэн билээ. Тэгээд гэтэл Хатан хаан дороо ялимгүй хайваганаснаа,
- Та өнөөдрөөс эхэлж ордонд сууж Хунну нарын үүх түүхийг бичиж байсугай. Одоо эхлээд Модун шаньюйн тухай ярь гэхэд өвгөн дахин ялимгүй урагшлаад,
- Түүний нас сүүдэр тавь дөхөж буй болов уу. Яагаад гэвэл эцгээ алж ор суухдаа хорь хүрэхтэй үгүйтэй настай байсан гэдэг. Тэр цагаас хойш гуч шахам жил өнгөрчээ гэхэд Хатан хааны ялимгүй жартгар нүдний сормуус дэрвэсхийснээ,
- Анхны хатнаа харваж алсан гэх буй, юуны учир харваж алсан юм бол гэж тэсвэр алдан асуухад,
- Жа! Модун анхлан дуут сум гээчийг сэдсэн юмсанжээ. Тэр үедээ өөрөө сайн дураараа Зүүн гарын сэцэн сайд буюу өөрсдийнх нь нэрлэдэгээр Зүүн гарын жуки хэргэмээсээ татгалзан эцгээсээ элдэн газар заалган авч ан ав, цэрэг дайны бэлтгэл хийх зэргээр амьдарч байсан хэмээцгээнэ. Модун дуут сумаа хааш тавина цэрэг дарга нар нь алгуурлалгүйгээр тэр зүгт харваж байх журам тогтоосон байж. Нэгэн өдөр тэрбээр бараа бологсодтойгоо явж байгаад дуут сум тавьж тэднийг сонжиж үзэхээр шийдсэн юм байх. Тэгээд зайдуухан явсан хатнаа харвахад бараг бүгдээрээ нэг зэрэг хөөрхий хатныг харваж алсан гэнэ билээ гэхэд ордны бүсгүйчүүд уулга алдацгаав.
- Бараг гэхлээр бодоход харваж зүрхлээгүй хүн бас байж дээ гэж зөвлөхийг асуухад
- Хатан ахайг сайн мэдэх цөөн нөхөд нь хайрлаад ч юм уу харваагүй учир тэднийг тушаал зөрчив хэмээн тэр дор нь цаазалсан гэх буй. Үнэн худлыг гагцхүү тэнгэр мэдэх буй за. Ямар боловч хатан ахайг харваж алах нь алсан гэдгийг өдгөө амьд сэрүүн байгаа өтгөс ярьж байхыг сонссон юм гээд өвгөн бодлогошрон санаа алдахад Хатан хаан,
- Заавал ч үгүй хатнаа харвадаг нь ямар учиртай юм бол гэхэд
- Миний олж мэдсэнээр бол уг нь харвах гэж харваагүй юм даг уу даа. Хатан ахайтан дүрсгүйтээд түрүүлж давхихаар нь сүрдүүлэх санаатай мохоо сум тавих гэсэн боловч андуураад жинхэнэ байлдааны дуут сумаа тавьсан гэх юм билээ. Бараа бологсод нь "алтугай" хэмээсэн дохио өгөв гэж ойлгоод харвацгаасан гэдэг. Энэ л ортой болов уу гэв.
- Тэгвэл яагаад хатанг харваагүй шадар нөхдөө цаазлах болов гэж Их тайганыг асуухад,
- Тэр их учиртай юм байна аа. Хатан ахайтан нэгэнт өнгөрсөн болохоор дуут сумын дохиог хэн ч алгуурлан хоцорч болохгүйг эгнэгт мэдүүлэх ёстойг хоромхон зуур Модун ухаарч хатуу хандсан болов уу гэлээ. Ийнхүү Хунну нарын тухай яриа шөнө дөл болтол үргэлжилж Хатан хаан дам яриагаар бус тэдний дунд насныхаа нилээдийг өнгөрүүлсэн амьд гэрчийн амнаас болсон явдлыг сонсож "Модун чи аймшигтай атлаа алсын хараатай хүн бололтой. Аугаа их Цинь Ши Хуанди урт цагаан хэрмийг босгуулж, өөд болооч маань /Гао Цзу эзэн хаан/ эн тэнцүү айл улс хэмээн зөвшөөрч энэ хэрмээр хилээ тогтоосон байхад бас дээр нь надтай дэр нийлж "энх ураг барилдъя" гэсний цаад санаа нь намайг эрийн дор суух эхнэрээ болгон улсыг маань инж гэж нэгтгэн авах санаа яах аргагүй мөн дөө" гэхчилэн эргэцүүлэн бодоод өвгөнд хандаж,
- Модун бас яньжигаа Дунху нарт барьцаанд явуулж байсан гэсэн. Энэ талаар жаахан ярьтугай гэв.
- Тэр үнэн юм шүү. Хөөрхий яньжиг би ч таньдаг байсан юм. Модун эцгээ харваж алаад удаагүй, хүч чадал нь дорой байсан үе. Тэгээд ч эцэг Шаньюйн талын хуучцуул Модунгийн тэр дуут сумын исгэрэх чимээнд аюун түүнийг Шаньюй хэмээн хүлээн зөвшөөрч байснаас биш далдуур дуртай байгаагүй юм билээ. Дээрээс нь тэдний хэлдгээр "зуд" гээч аймшигтай юм болж мал сүрэг нь ихэд хорогдсон, өвчин тахал гарсан гээд давхар давхар гамшиг тохиолдсон үе байжээ. Дунху аймгийнхан энэ байдлыг сайн мэдэж байсан учраас бараг боломжгүй шахуу барьцаа нэхэж бүтэхгүй бол байлдахаар хүчээ базааж байсан бололтой. Дунху нар "хайртай Яньжигаа ирүүл. Ирүүлэхгүй бол бид байлдсугай" гэж элч довтолгосон аж. Энэ бол Модунгийн хувьд тэсэшгүй доромжлол байжээ. Тэрбээр хорин дөрвөн аймгийнхаа ихэс ноёдыг дуудан хурилдай хийж, Дунхугийнханд ямар хариу өгөх талаар өдөржин шөнөжин ярилцаад Яньжийг өгч болохгүй гэцгээсэн юм байх. Харин Модун энэ бүхнийг тэвчээртэй чагнаж сууснаа "Хүн улс ганц бүсгүйгээр дутахгүй" гэх ухааны юм амандаа бувтнаад боссон юм гэнэ билээ. Тэр өдрөөс хойш Модун түргэн өтөлж, үс нь цав цагаан болж, өдөр бүр аль ойр өндөрлөг дээр гарч Яньжийг аваад явсан наран мандах зүгийг харж суух болсон гэцгээнэ. Харин үе тэнгийн нөхөд нь Алтайн ууланд орших Тэлэнгид аймгийн нэгэн сурвалжит ноёны дүү, барьцаанд явсан яньжитай нь усны дусал мэт адилхан нэгэн бүсгүйг Модунд бараалхуулж сэтгэлийг зассан гэх буй. Тэр бүсгүй бол Модунгийн одоогийн Яньжи юм шүү дээ гэхэд Хатан хаан
- За одоо Модунгийн хувийн амьдралын талаар ярихыг түр орхиё. Жич зав гарган сонсоё. Одоо тэдний цэрэг цуухын талаар мэдэх зүйлээ хэлтүгэй гээд сүмбэ мэт нарийн цагаан хуруутай гараараа чамархай тушаагаа дарах нь сэтгэл нэн хөдөлсний шинж гэлтэй харагдаж авай. Өвгөн "өтөл намайг одоохондоо амьд байлгах бололтой. Хатан хаан маань ч зальтай эм бололтой. Жирийн нэгэн хүний амнаас үгийг нь ингэж сонсож байсан эзэн хаадын тухай сонсоогүй юм байх чинь" хэмээн бодоод,
- Жа! Өчүүхэн боол нь үзсэн, харсан, сонссоноо танд айлтгая. Би өөрөө цэргийн хүн биш тул хожим урхаг болвоос гэтэл Зөвлөх,
- Та зоволтгүй. Нэгд нэггүй хэл. Нэмж хачирлахгүй, багасгаж басамжлахгүй байгаа чигээр нь ярина шүү гэж сүрдүүллээ. "Ордны олхиогүй түшмэд, бие тоосон бүдүүлэг цэргийнхэн аугаа их хүмүүс болох гэж болчимгүйтэн нүүдэлчидтэй байлдаж ялагдал хүлээвэл энэ муу өвгөнөөс боллоо гэж бултацгаах вий... тийм явдал бишгүй л гарч байсан даг" хэмээн бодож амжсан өвгөн хаширлаж хаяагаа манан би цэргийн хүн биш, жирийн хүн гэдгээ ойлгуулах гэсэндээ яриагаа тойруу замаар эхэлсэн нь тэр болой. Ордны хашир зөвлөх ч өвгөний санааг ойлгож тийн сүрдүүлсэн аж. Хэсэгхэн хугацаа өнгөрсний дараа өвгөн,
- Хуан Тайху минь ээ! Нас сүүдэр өндөр болж, ухаан санаа муудсанаас үзсэн харсныхаа заримыг нь мартсан тул хөгшин намайг өршөөх ажаамуу гээд суугаа чигээрээ мэхийхэд Хатан хаан "хашир толгой" гэж бодоод ярвайсхийн,
- Та Хан улсын харъяат хүн. Хоёргүй санаагаар ярина шүү хэмээн хатуу үгээр давхар ташуурдан сүрдүүлэхэд ихэд цочирдсон өвгөн,
- Жа боолд нь элдэв атгаг санаа байхгүй, зөвхөн үнэнийг өчсү гээд Хунну улс хорин дөрвөн аймагтай гэж би дээр цухас дурдсан билээ. Уг нь хорин дөрвөн аймгийг Модунгийн эцэг Түмэн шаньюй хумин авч нэгдмэл Хунну улсыг байгуулсан боловч Түмэн бээр шийдэмгий биш, тэгээд ч бага хатныхаа эрхшээлд орсон учир улс гэрээ төвхнүүлэх чухал хэрэгтээ хайнга ханддаг байж л дээ хөөрхий гэхэд Хатан хаан үгийг нь тасалж,
- Таныг Түмэн шаньюйг оршуулах ёслолд оролцож байсан гэдэг үнэн үү. Оролцсон бол тэр талаар жаахан сонсмоор байна гэхэд,
- Жа! Оролцсон. Тэр тухай үзсэн бүхнээ нэгд нэггүй хэлсү... Бид Хуандийн ордноос гараад арав гаруй хоног бараг дөрөө мултлалгүй довтолгосоор эцэг шаньюйг оршуулах Хүн гээч онгон цаазат ууланд хүрсэн юм. Энд Хуннугийн эвэртэн туурайтангууд гэгдэх ихэс дээдэс, бүх аймгийн вангууд өөрсдийн бие хамгаалах торгон цэрэгтэйгээ, Модун шаньюй түмттэйгээ аль хэдийнээ ирчихсэн байлаа. Хүн уулын бэлд тэнүүн сайхан дэнж дээр гоёмсог цачир барьж эцэг Шаньюйн хүүрийг байлгаж байсан юм гэхэд Хатан хаан,
- Тэр олон хоног хүүрийг нь муутгахгүй яаж хадгалж байсан болж байна вэ? гэхэд,
- Түүний учрыг би олоогүй. Дам сонсож байвал хүүрийг өвөрмөц аргаар ариутгасан гэцгээж байсан. Бас намар орой болж, шөнө нь ус зайрмагтаж байсан болохоор хүүр амархан муудахгүй байсан бизээ. Биднийг очсоны маргааш өглөө нар уулын толгойд тусах үед эцэг шаньюйг оршуулах ёслол эхэлж, урьдаар бэлтгэсэн нүхэнд шаньюйн хүүрийг оруулж байрлуулаад Модун тэргүүтэй ихэс ноёд нь орж ёслол үйлдээд гарч ирсний дараа өөд болооч Шаньюйн хатан, түүнээс гарсан бяцхан хөвүүн зэрэг дагалдуулж үхүүлэх хүмүүсийг хоёр, хоёр цэрэг эрс сугадан оруулаад гаргаж байлаа. Энэ нүх нь маш гүнзгий учир хажуугаас нь орохоор ухаж түүгээр орж гарцгааж байсан юм. Урьд нь Түмэн шаньюйг амьд сэрүүн цагт би нэг биш очиж байсан болохоор хөөрхий хатанг нь мэдэх юм. Тэрбээр хосгүй цэвэрхэн төрсөн бүсгүй байж билээ. Харин шаньюйн оршуулах ёслолын тэр үед нүднээс гарчихсан, хөх царайтай, илт айн балмагдсан амьтан харагдсан даа. Одоо ч надад харагдсаар... гээд хэсэг дуугүй суув. Холын хол тэр тал нутгийн нүүдэлчдийн төрх байдлыг сэтгэлдээ буулган ядаж "Хаа газрын бүсгүй хүний зовлон адил юм даа. Манайхаас Модунд өгсөн нөгөө "гүнж" ямаршуу байдаг бол. Хоёр хүү төрүүлсэн гэдэг. Төрийн нууц учир асууж болохгүй юм даа" хэмээн бодож амжсан Хатан хаан аль хэдүйнэ тэнгэрт хальсан Түмэнгийн үйлийн үрт Яньжийг өрөвдөн,
- Энэ яриаг өндөрлөе. Та Хүннүгийн цэргийн талаар ярь гэхэд өвгөн өгүүлрүүн
- Модун шаньюй дуут сум гаргасан гэж би дээр ярьсан. Дуут сумын тавьсан зүгт хэн ч алгуурлалгүй харвах ёстой. Аймшигт энэ дуут сумын дор Хунну нар нэгдэн нэг хүн шиг болсонд тэдний хүч чадал байдаг бололтой. Модун шаньюйн үеэс Хунну улсын төрийн зохион байгуулалт нарийсч зүүн, баруун гар, төв гэсэн гурван хэсэгт хүчээ хуваарилсан нь машид оновчтой мэт санагдана. Төв хэсгийг Модун өөрөө захирна. Зүүн гарыг Шаньюйн үе залгамжлагч, баруун гарыг хамгийн үнэнч, зүрх зоригтой ван захирна. Баруун зүүн гарын захирагч нарыг Жуки хэмээн өргөмжилнө. Энэ нь "цэцэн сайд" гэсэн Хүннү үг юм. Жуки нарын дотор Лули, Их хошууч, Их Дуюн, Их Данху, Гуду-хэу гэхчлэн олон дэв зэрэгтэй түшмэд байна. Эд чинь угтаа хорин дөрвөн аймгийн ихэс ноёд шүү дээ. Базаж хэлбэл Хүннү улс бол бүхэлдээ цэрэг улс гэсэн үг гэв.
Их танхимд нам гүм агаад Хатан хаанаас хаалгачаа хүртэл цөм л хойт зүгийн нүүдэлч-цэрэг улсын бүгд ерөнхийлөн захирагч Модун шаньюйн ер бишийн авъяас билэг, ухааныг битүүдээ биширцгээх авай.
- Тэд чинь хоёр гурван өдөрчийн газарт харагдахгүй байснаа ганцхан өдөрт л үерийн ус шиг дайраад ирдгийн нарийн учир юунд байна гэж төрийн зөвлөх нам гүмийг эвдэхэд өвгөн өгүүлрүүн,
- За даа, миний олж мэдсэнээр бол өдөрт мянганы газрыг сааталгүй туулдаг, зориуд бэлтгэсэн нэгэн түмэн морин цэрэгтэй гэх буй. Эл түмт нэг талаас туршуулын үүрэгтэй юм даг уу даа. Хэрэв дайсан олон, байлдахад хүч тэнцвэргүй мэт болбол айсан дүр эсгэж ум хумгүй буцаж зугтана. Үүнийг нь нөгөө тал биднээс хулчийв хэмээн хөөж ашигтай байрлал эзэлсэн гол хүч дээр нь ирж сүйрэх буй. Ийм явдал болж байсныг /Пинчэн хотын дэргэд талийгаач эзэн хаан Модунд бүслэгдсэнийг хэлэв бололтой/ таануус мэдэх хойно... гэхэд уг хэрэгт оролцож байсан Хатан хааны цэргийн зөвлөх, өл халзан толгойтой цулцгар эр үгийг нь яаравчлан тасалж,
- Тэд усгүй, халуун хуурай их элсэн цөлийг туулж, олон хоног явахдаа яаж хооллож ундалж байдаг юм бол гэж аргагүй цэрэг цуухын хэрэг мэддэг болохоо харуулан асуухад,
- Хүннүчүүд нүүдэлч малчин улс. Тэдэнд адуу, үхэр, хонь хүрэлцээтэй бий. Үхрийн махыг өвөлд хатааж борц хэмээн хэзээ ч үл муудах хатсан мах бэлдэцгээнэ. Түүнийгээ нунтаглаад аян замд авч яваад шөл хийж хэрэглэцгээдэг гэх буй. Хүнчүүд аян дайнд удаан хугацаагаар мордохоор бол адуун сүргээ, авгай хүүхдээ авч явна. Гүүгээ өдөрт хэд хэдэн удаа сааж айраг гэх амны цангаа гаргадаг исгэлэн ундаа бэлтгэж ганзгалан, зам гудаст хэрэглэх хоол ундныхаа явдлыг шийдсэн нь хэзээ ч, хэдийд ч ямар ч хол газар очиж байлдах боломжийг бий болгожээ гэв.
- Энэ ч бас чухал мэдээ байна гэтэл... гэнэт цагаан царайтай дэлдэгнэсэн эр танхимд орж ирээд муур адил гэтсээр төрийн зөвлөхөд ойртон чихэнд нь нэг юм шивнэхэд тэрбээр Хатан хаанд хандаж,
- Хуан Тайху! Хүннүгийн элч хүрэлцэн ирээд байна гэнээ гэхэд
- Түшмэл та одоо явж бай. Жич үргэлжлүүлэн сонсоё. Хөрш Хүннү улсын эрхэм элчийг оруултугай гэж Хатан хааныг айлдахад танхимын гоёмсог хаалга нээгдэн ханхар цээжтэй, насандаа баймгүй нарийн бэлхүүстэй, санчигны нь үс бууралтсан, дунд зэргийн нуруутай хижээлдүү эр орж ирээд зогтусан бүгдийг тойруулан харснаа Хатан хаан дээр хараа тусган урагш хэд алхаад мэхийн хүндэтгэв.
- Хүннү улсын Шаньюйн эрхэм элчтэн та наашаа морилон суутугай гэж хэлмэрчээр дамжуулан ойролцоо тусгайлан зассан нэн гоёмсог зандан ширээг заахуйд Шороту ван намс намс алхсаар очиж суув.
"Хүннү улсын дайны сүлд, адуун сүргийн их ноён Шороту чи сайхан эр ажээ. Өөчилбөл, ялимгүй өргөн шанаатай юм. Өтлөх тийшээ хандаж яваа гэхэд яралзсан цагаан шүдийг нь..." гэхчилэнгээр Хатан хаан бүсгүй хүний сониуч зангаар бодож амжаад,
- Шаньюйн бие лагшин тунгалаг, зон олон нь энх амгалан биз дээ гэж уянгалаг намуухан дуугаар асуухад Шороту ван,
- Бүгдээрээ амар амгалан. Модун шаньюй, Хатан хаан таны амар амгаланг эрж намайг биечлэн таны мэлмий дор зарж явуулав гэхэд,
- Төрийн ачаанд түүртэж яваа эм хүн намайг эрхэм элч та ойлгох буй за. Таныг хүлээн авах боломж тун муу байсаар нэлээн олон хоног саатуулчихлаа гэж "эм хүн" гэдгээр бүгдийг хаацайлах нарийн ухаанаа гаргасан Хатан хаан Шоротуг сонжин удаан харав.
...Эзэн хааны ордонд Хүннү гүрний аугаа их Шаньюйн элчийг ёс төртэйгөөр хүлээн авч "найрсаг байдлаа" тал талдаа илэрхийлсэн үг шидэлцэн байвай. Найр ид өрнөх сацуу Шороту ван Хатан хаанд хандаж
- Хуан Тайху таны мэргэн ухаан, манай улсад ихэд найрсаг ханддагийг бултаараа андахгүй билээ. Тэнгэр газраас заяан төрсөн Хүннү улсын Чэньли Гуту /Тэнгэрийн хүү/ Модун шаньюй таныг хүндэтгэж бэлэг сэлтийг илгээсэн юм. Нэрсийг жагсаасан бичгийг танд гардуулсу гээд Хатан хаанд өргөн барихад Хан улсын ихэс дээдэс алмайран гайхаж, хэсэг зуур ялаа нисэх хүртэл сонсогдмоор нам гүм болов. Хатан хаан бичгийг удаан ажигласнаа,
- Шаньюйн захианы хариуг эрхэм элчтэн танд одоо гардуулна. Бэлгийн тухай нэрс бичгийг авлаа. Танай бичгийг Фунанынхтай төстэй гэдэг нь үнэн ажээ хэмээв.
- Тиймээ. Давань орны хүмүүс болохоор манай бичгийг бас Бэстийнхтэй /Фестосыг хэлжээ/ төстэй гэх буй гэж Шороту ван тодруулснаа бүгдийг тойруулан харж бид чинь модон самбар дээр сийлж захиа бичдэг юм. Уг нь нүүдэл даахдаа сайн боловч олшроод ирэхээр нь авч явахад түвэгтэй шүү дээ. Бас хэлэх үгээ элч зардаст цээжлүүлэн явуулдаг. Тийм болохоор танайтай тохиролцвол арай хялбар хэрэгсэл арилжиж авах санаатай гэхэд Хатан хаан дэргэдийн түшмэлтэйгээ хэдэн үг солиод
- Энэ болох юм шүү. Вантан та энэ талаар манай арилжаа эрхэлсэн түшмэлтэй ярилцана биз ээ гэснээ Хүннү улсын эрхэм элчид миний гарын бэлгийг гардуул гэснээр хүндэтгэлийн найр өндөрлөх тийшээ хандаж билээ.
Маргааш нь Хүннү улсын элчийг үдэж гаргах ёслол болж Шороту ван нутгийн зүг хүлгийн жолоо залснаар Шаньюйн дуут сум Цагаан хэрмэн дээгүүр исгэрэн гарч ирэх аюул Хан улсын хувьд багассаны дохио болсон болой.
Энэ үед Шаньюйн дарангуй их цэрэг Цагаан хэрмэнд тулаад ирчихсэн, Шороту вангаас ирэх мэдээг хүлээж байсан аж. Модун шаньюй Хан улсын хатан хаанд элч довтолгосны цаад санаа нь Юэчжитэй байлдах үед Хан улсын зүгээс аюул занал ар хударгаар учрах вий хэмээн болгоомжлон, тандаж мэдэхэд чиглэсэн байжээ. Хүннү улсын гарамгай жанжин Шороту хэргээ бүтээгээд Урт цагаан хэрмийн араар баруун зүгийг барин довтолгов.


Top
   
PostPosted: Apr.29.15 7:20 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
баярлалаа Блоодоо сонирхолтой бна шүү, Модун энэ хөгшин хатныг туршиж захиа явуулсан болтой, нөгөөх нь санаа гэж чинжүү юм


Top
   
PostPosted: Apr.29.15 1:28 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХАРУУСАЛ
Хаврын урь аль хэдүйнээ орж, энгэр ээвэр газраар нялх ногоо цухуйн яргуй үзэгдэж, хурга ишиг гадуур тонгочин малч зоны сэтгэл тэнийсэн нарлаг өдрүүд ээлжлэн байвай. Хаашаа ч харсан элбэр өдөрчийн газар нүд алдам цэлийх дуниарт хөхөмдөг талын дунд ялгаран товойх бор толгойн оройн дээр хул морьтой, ахимагдуу насны туранхай эр гав ганцаар гарч ирээд дөрөө мултлан, дорно зүгээс алгуурхан өндийх ув улаан наранд сөгдөн:
- Дээд тэнгэр, Наран ээжий минь! Өчүүхэн хүү намайгаа өршөөн үйлдсэн үйлийн үрийг минь хэлтрүүлэн ивээлдээ авна уу хэмээн амандаа бувтнан мөргөв. Түүний шингэн буурав үс өглөөний сэвэлзүүр салхинд намирч нүүр рүү нь унан буцан байхыг үл ажран уртаар сүүрс алдаад сум тусах зайд хүрээлэн холхилдох үй түмэн морьтонг ч тоосон шинжгүй зазар ширтэн бодлогошрон суугааг бодвол сэтгэлийн ихээхэн зовлонд учирсан, аль эсвэл ертөнцийн сайн муу явдал түүнд хамаагүй болсон хүн үү гэлтэй. Чанх урдаас хос ангир гарч ирээд түүнийг бараг шүргэн алдаад ганганалдан умрыг зорин нисэн одохуйд сая толгой өндийлгөн тэдний бараа газар тэнгэрийн савслагад замхран замхартал ширтэн зогслоо. Энэ бол аугаа их Хүннү улсын эзэн Модун шаньюй байлаа. Үхэх, төрөх, хайрлах, хагацах, баярлах, гомдох гэгч хүн бүхэнд адилхан заяасан болохоор толгой эргэм өндөрлөгт гарсан ер бишийн хувь заяатай энэ хүн бусдын адил жаргал зовлонгоо нэхэн санах эрхтэй ажээ. Шаньюй их цэргээ хөдөлгөж Хан улсын Хатан хааны зүгээс захидалд нааштай хариу эс өгч дайн зарлах юмуу Шороту вангийн амь насанд аюул тулгарвал ял асуухаар Түмэн газрын урт цагаан хэрэмд хүрэх зам гудастаа бас нэгэн өдөртэй золгож буй нь энэ болой. Шаньюйн зогсож байгаа толгойн зүүн талд байрласан дан хул морьтон цэргийн хүрээнээс ядарч туйлдсан байрын нэг нохой гарч гэлдэрсээр Модунд ойртон ирэхэд:
- Өө миний муу Хойлог! Алив нааш ир. Гэрийнхээ хаяанд амар хэвтэж байхгүй энэ хол газар юунд зүтгэж явна вэ гэж яг л хүнтэй ярьж байгаа юм шиг эзнийхээ өрөвдөн хэлэхийг зөнгөөрөө мэдэрсэн хөөрхий Хойлог нэрт банхар галгүй болсон цэхэр нүдээрээ түүнийг гунигтайяа хараад хөлийг нь үнэрлэх аядаад сөхрөн унаж амьсгал хураалаа. Юуны учир алс холын Орхоны хөндийгөөс эл газар зүтгэн ирснийг гагцхүү дээд тэнгэр мэдэх буйзаа. Тэртээ нэгэн цагт Модунг хайртай яньжигаа Дунхугийн газарт барьцаанд өгч явуулчихаад сэтгэлийн зовлон битүүхэн эдэлж явсан жил Шороту анд нь дөрвөн нүдтэй банхарын гөлөг авчирч өгсний удам энэ банхар байжээ. "Төрсөн бол үхэх үнэн. Хойлог минь чи өтөлж үхлээ. Энэ хол газар зүтгэж эзэндээ үнэнчээ үзүүлж үхэв чи. Эзэн чинь өдий наслахдаа юуг эс үзэв. Эцгийгээ харваж алсан, эхнэрээ харийн газар барьцаанд явуулсан... аа бас анхныхаа яньжийг харвасан үйлийн үрт амьтан миний хоногийн тоо бас гүйцэж байна аа даа янз нь. Газар шорооныхоо төлөө ургийг тэвчсэн намайг элэг нэгтнүүд маань өршөөн хэлтрүүлсэн болохоор дээд тэнгэрийн өмнө би хэлэх үгтэй хүн" хэмээн бодоод өндийхөд наран аль хэдүйнээ мандаж далан хэлийн шувууд жиргэн байвай. Энэ үед Шаньюйн бие хамгаалах торгон цэргийн дарга давхин ирж Хан улсад зараалаар явсан Шороту ван ирснийг мэдэгдэхэд хар дарсан зүүд мэт бодлоосоо салсан Модунгийн царайд баярын инээмсэглэл тодрон мориндоо залуу хүн шиг сэвхийтэл мордоод өөрийнхөө хуаран тийш давхин одохуйг нь алсаас харцгаасан үй түмэн цэрэг эрс Шаньюйгаараа бахархан сэтгэл нь өөдрөг байцгаалаа.
Модун, Шороту хоёр зэрэгцэн энэ тэрийг ярилцан дөрөө харшуулж явах агаад нас намбаа ч үл тоон үе үе тас тас хөхрөхөд бараа бологсод нь учрыг нь олоогүй ч гэсэн багачуудын дэргэд ярихааргүй юмны тухай болов уу хэмээн таамаглацгаан дэмий жуумалзан өвөр хоорондоо,
- Шороту вантан Хан улсын Хатан хааны ордны сайхан амьтдын тухай ярьж байна аа даа янз нь?
- Үгүй байлгүй дээ.
- Аа хэн мэдлээ. Вантан урд газар олон удаа очиж байсан болохоор царайны сайхан төдийгүй...
- Хош, манай вантан ч тийм журамгүй эр биш шүү.
- Энд чинь нэг их журамсаад байх юу байна аа?
- Тийм ээ. Олдож л байвал хүртэж л орхино шүү дээ.
- За за чам шиг мунагийн өвчин тусчихсан амьтан байгаа биш гэхчилэнгээр цэвэр эр улсын яриа дэлгэцгээж явлаа.
- Шороту анд минь! Тэгээд Хан улс дотооддоо самуунтай байгаа юм шив дээ гэж Модунг тэртээх хөх уулын дээгүүр ширтэн асуухад
- Тийм ээ. Түүнийг баттай эх сурвалжаас мэдсэн шүү. Манай дорнод талаар залгаа нутгийн нэг ван бослого гаргасныг дарсан гэцгээж байна билээ. Тээр жил манайхныг дайрахад бууж өгдөг нөгөөх Ма-и цайзын захирагч Хань Синыг Хатан хааны зарлигаар олны өмнө толгойг нь авч цаазалсан нь үнэн юм байна гэхэд Модун мориныхоо жолоог татаж зогсоогоод,
- Хатан хаан тэр хүний эрх ямбыг эвдэхгүй, эхнэр хүүхэдтэйгээ аль дуртай газраа сонгон амьдрах бололцоог нь олгоно гэж амлаж захиа ирүүлсэн болохоор итгэж буцаасан биш билүү. Хөрш гүрний Хатан хаанд итгэсэн миний буруу болжээ гэснээ "чүү" гээд мориндоо ташуур өгөхөд тэнгэрийн хүлэг нь хойт хоёр хөл дээрээ боссоноо огло үсрэн их талын дундуур тоос татуулан давхилаа. Түг түмэн морьтонгууд араас нь нирхийн давхихуйд онгон тал хээрийн хулан, тахь, зээр тэргүүтэн ан амьтад цочиж зүг бүр чадал мэдэн хуйлрахыг харахад үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг их тал тэр аяараа хөдөлж байлаа. Түмэн газрын урт цагаан хэрмийн ойролцоо зургаан түмэн цэрэгтэй ирчихээд Хатан хаанд зарсан элчээ хүлээж байсан Шаньюй Хан Син алагдсан тухай мэдээг сонсоод эвгүйцсэн ч угаас ухаан уужуу хүн болохоороо хүлгийн жолоог татаж их цэргээ зогсоогоод,
- Шороту анд минь! гээд тэртээд уул уулын оройгоор дамжин үргэлжлэх Цагаан хэрмийг зааж хэрэв чамайг Хатан хаан барьцаалах юмуу аминд чинь аюул учруулваас би энэ их цэргийн хүчээр дайран орох байв. Хатан хаан хариу захидал ирүүлж найрсаг байхаа илэрхийлсэн учир эндээс хүлгийн жолоог нутгийн гүн тийш залсугай. Анд минь чи надтай хамт хоёр гурав хоног явах зуур үзсэн харснаа нэгд нэггүй ярих биз ээ. Харин өнөө орой миний аяны өргөөнд цугларч сэтгэл нь хөөрсөн багачуудын үгийг сонсож шийдэх зүйл байна гэв.
Наран жаргах үест их цэрэг хоноглох гараа сонгон буудаллаж энд тэндгүй гал асаан морь малаа идээшлүүлэн өвөр хоорондоо энэ тэрийг ярилцан юу ч болоогүй юм шиг хөхрөлдөн бас заримууд нь уянгалуулсан уртын дуу аялан, нэг хэсэг нь бөөгнөрөн үлгэр домог ярьж цаг нөхцөөж байцгаалаа. Харин энэ үед ихэс ноёд, цэргийн дарга нар Шаньюйн аяны асарт цугларч цаашид хэрхэн тухай ярилцан байв.
- Вангууд аа! Ноёд оо! Хан улсын Хатан хаан манайтай найрсаг байх тухайгаа батлан захиа ирүүлжээ. Тийм болохоор энд байж өдөр хоног алдахыг хэрэг юун гэж Шаньюйг хэлэхэд түүний ууган хүү Алашан
- Ааваа... ээ Шаньюй! Хан улсынхан хэзээ хэлсэндээ хүрч байлаа. Дургүйгээ хүрэхээр хилийн боомтоо хааж, худалдаа арилжаагаа зогсоох зэргээр хичнээн ч удаа өдөөн хатгаж чирэгдэл учруулав. Ийм болохоор энэ удаа ирсэн дээрээ тэднийг нэг мөр байлдан дагуулбал зүйтэй санагдана. Эд чинь их зальтай. Өнөөдөр дотоод самуундаа идэгдээд хүчин мөхөсдсөнөөс бидэнтэй найрсаг байя энэ тэр гэж байна гэхэд аль хэдүйнээ эрч хүчээ авсан түүний залуу ноёд,
- Тиймээ. Тэд дуртай үедээ хэрмийн ар талд гарч ирээд газар манайх гэнэ.
- Тэр үнэн шүү. Наад зах нь бид хэрмийн цаана үлдсэн газар шороогоо эргүүлж авах нь юуны буруу билээ?
- Энэ хэрэмнээс цэргээ холдуулж болохгүй.
- Энэ хавьд хот барьчихгүй юм гэхэд нүүгээд амьдраад байя л даа.
- Алашан маш зөв хэллээ гэхчилэнгээр ам амандаа хашгирахыг тэвчээртэй чагнаж суусан Шаньюй... "Энэ багачуудын үгэнд үнэний хувь байнам бус уу. Бидний үе өнгөрч байна аа даа янз нь. Олон жилийн тэртээ эд нар шиг омголон явахдаа би эцэгтэйгээ хурилдай дээр нь тэрсэлдээд хаяж гарч байгаагүй билүү. Тэр бол эхлэл байж. Ер ч үгүй одоо шийдээд хэрмийн цаана гарч ааг омгондоо багтаж ядсан энэ багачуудын хүслийг хангадаг юм билүү. Үгүй ээ... би өтөлж мунгинадаг болжээ. Давань орноос Хянган, Шивэр их ойт газраас энэ хэрэм хүртэлх газрыг эзэгнэсэн их гүрэн улсын Шаньюй хаяа нийлсэн эм эзэнт улстай "найрсаг байдал" тогтоочихоод хоёр хонолгүй хотонд гэтэх чоно адил сэм дайрч итгэлийг эвдвээс хожим хэн бидэнд итгэх билээ. Хуурч мэхлэх явдал самуун цагт байх боловч нэр хүндтэй элчээ илгээж найрсаг харилцаа тогтоочихоод няцах нь сайн хүмүүний шинж биш" хэмээн бодоод өөртэй нь зэрэгцэн суугаа Шоротугийн чихэнд шивнэж,
- Чи эдний яриад байгааг юу гэж бодож байна гэхэд,
- Уг нь зүйтэй л юм яриад байна. Гэхдээ Шаньюй дөнгөж хэлсэн үгнээсээ няцаад байвал цаашид юу болох билээ.
- Анд чиний хэлснийг ойлгов. Би ч бас тэгж бодож байлаа гэв.
- Гэхдээ эдний санаж сэдсэнийг мохоолгүй эв зүйг нь олбол зүгээрсэн гээд Шороту бүгдийг тойруулан хараад суудлаа засав.
Шуугиан бага зэрэг намдмагц Шаньюй,
- Вангууд аа! Хүүхээс бид аргаа барсандаа эндээс явах гэж байгаа бус болно. Өнөөдөр Хан улсаас илүү Юэчжи аймгийнхан аюултай болоод байна гэхэд дөнгөж саяхан согсолзоод байсан залуу вангууд мунаар цохиулсан мэт нам болж "үхсэн буурын толгойноос амьд ат айна" гэгчээр гөлөлзөцгөөхийг нь ажигласан Шороту инээдээ барьж ядан суулаа.
Шаньюй бүгд дээр нь ээлжлэн хараа тусгаснаа,
- Бид ямар ч шалтгаангүйгээр явах гэж байгаа юм биш гэж үгээ давтаад Юэчжийн ван Хийдоль хэлцлээсээ няцаж манай баруун хязгаарт цөмрөн хүн амьтныг олзлон, мал сүргийг дээрэмдэж байна. Ийм үед Хан улстай байлдаж хүчээ тарамдуулах нь мөхсөнтэй адил бус уу. Бас Дунху нар өдөөн хатгаад байдаг. Ойн иргэд ч чимээ авсан юмуу дээрэм тонуул хийх болсон байна. Ийм болохоор миний хэлсэнтэй санал үл нийлэх хүн байхгүй байх гэж "та нар болчимгүй юм ярьж үймцгээж байна шүү" гэсэн санааг хавчуулан хэлэхэд Том Луу,
- Аав аа... ээ Шаньюй! Хан улсын Хатан хаан манайтай найрсаг байх баталгаа өгсөн болохоор гэтэл Гюнчен үгийг нь тасалж,
- Том Луу чи дандаа л Хан улс Хан улс гэх юм. Тэд чинь мануусыг Хунну гэхчилэн байнга басамжилдаг биш билүү гэтэл ахтайгаа зэрэгцэн суусан Бага Луу,
- Шаньюй! Том Луу бид хоёр таны хүү биз дээ гэж нухацтай асуув. Хоёр эхнэрийн дөрвөн хүү нь талцан хоорондоо таарч тохирохоо больсон тухай, гүнжээс төрсөн хоёр Луу нь Хан улсын юм бүхнийг бишрэн шүтдэг болсон гэх хов ч юм уу үг аль хэдүйнээ дуулдах болсныг Шаньюй өнөөдрийг хүртэл нэг их ойшоолгүй явсан аж. "Өөд болооч гүнж маань нэгэн удаа хоёр Луу хүүдээ Түмэн газрын урт цагаан хэрмийн ойролцоо эдлэн газартай болгохыг хүсч байсан сан. Нэг эцгийн боловч хоёр өөр эхээс төрсөн хүүхдүүд эрт орой нэгэн цагт тэрсэлдэж төр самуурна гэж тэр ухаант бүсгүй зөн совингоороо мэдсэн байж болох бус уу. Аль эсвэл... үгүй ээ... өөд болооч маань тийм муухай санаа өвөрлөж явах хүн байгаагүй. Өбүн дүүгээс болж намайг харь газар барьцаалан хөнөөх гэж байгаагүй билүү. Хожим би эцэг нэгт дүүгээ эхтэй нь хамт цаазлан хороож эцгийн булшны үүдэвчинд шатаагаагүй гэж үү. Тэгэхэд дүү маань ямар өрөвдөлтэй харагдаж байлаа. Гэвч төрийн хэрэгт ургийг тэвчихийн учир би дуут сумаа арга буюу тавьсан. Өөр зам надад байгаагүй. Аав, яньжи Саруна... Өбүн... надаас хойш тийм явдал бүү давтагдаг. Түүнээс хойш би оршуулганд хүн алж хойлоглодогийг зогсоосон билээ. Надаас хойш энэ хүүхдүүд ясан дээр хэрэлдэх ноход адил хэмлэлцэх шинжтэй болов бололтой. Өнөөдөр нэг тийш болгохгүй бол хожимдож магад" хэмээн Модун бодох зуур асрын баруун зүүн талд хос хосоороо зэрэгцэн суугаа хоёр эхийн дөрвөн хүү дээрээ ээлжлэн хараа шидэхэд тэд нэгийг ухаарав бололтой нүүр бууруулцгаан гэмтэн адил гэлбэлзэв. Асар дотор ялаа нисэх ч сонсогдсоор нам гүм агаад эгзэгтэй мөч ойртсоныг хэн хүнгүй зүрх сэтгэлээрээ мэдэрч байвай.
- Би их цэргээ авч Юэчжийн вангаас ял асуухаар маргааш өглөө хөдөлье. Харин Дунхутай байлдахаар Алашаныг тохоон явуулсугай гэж Шаньюйг гэнэт хэлэхэд Алашан "За" гээд өндийснөө суув. Шаньюй цааш нь,
- Алашан бол миний хөвүүдийн ахмад нь билээ. Тийм болохоор одоо толгой даан газар шороогоо хамгаалах болсон. Гюнчен чи ахтайгаа нэгэн гар болон мордож хал үзэж хашир суух хэрэгтэй. Ингэх гэж Бага Луу та хоёрыг зориуд дуудуулсан юм. Энэ удаад зөвлөх энэ тэр гэж ах зах хүмүүсийг дагалдуулахгүй. Таануус маргааш эртлэн хөдөл гэхэд Шороту,
- Би өөрийн хүү Аттилын хамт мордуулсугай гэв. Шаньюйн ийм шийдлийг янз янзаар хүлээн авсан эрхтэн дархтангууд өвөр хоорондоо шивэр авир хийн маргалдахыг мэдээгүй юм шиг ажиглаж суусан Шаньюй,
- Алашан чи ерөнхийлөн захирч явахын хамт Шороту андын амин сүнс болсон ганц хүүг нь эсэн мэнд авч ирэхийг тушааж байна гэж зориуд анхааруулсан нь нөхрийн үрийг өөрийнхөөс илүү хайрлаж чаддаг төрийн зүтгэлтэн болохоо харуулав. Энэ үед хоёр Луу нанхиадаар өвөр хоорондоо,
- Аав яагаад гэнэт Алашан, Гюнчен хоёрыг Дунхутай байлдуулахаар болов оо.
- Ёстой бүү мэд.
- Чи бид хоёрын яах юм бол?
- Уг нь энэ хэрэм хавьцаа байвал эд бараа элбэг тэгээд ч Хан улсынхантай хэл амаа ололцоод байж болох бус уу?
- Аавыг, хүний бодол санааг урьтаад мэдчихдэг гэж ярьдаг шүү. Бид хоёр дээр хараа тусгаад байх чинь.
- Алашан биеэ тоож ааваас илүү мэт донжигонодогийг мэдээд Дунхутай байлдуулахаар тохоож буйг нь харахгүй юу?
- Уг нь зэрлэг аашаа татаж чадвал хожимдоо их юм дуулгаж мэдэх хүн гэж Ижун багшийн хэлдэг ч ортой байж мэднэ.
- Алашан ч уг нь сийрэг ухаантай хүн шүү. Нанхиад хэл гадарлана. Цэрэг цуухын хэрэгт муугүй гэцгээдэг юм билээ гэж шивнэлдэн байтал Шаньюй гэнэт,
- Бага Лууг Алашантай хамт явуулъя. Харин Том Луу эндээ үлдэж түмэн газрын урт цагаан хэрмийн наана цаанах хэргийг шийтгэж бай. Гюнченийг Алашантай явуулахаа болив. Энд Том Луутай үлдэж хязгаар нутгийн хэргийг зөвлөн шийдэлцэж бай гээд өндийхөд бүгдээрээ босов.
Үд хол хэвийн хаврын хуйсгануур салхи үе үе үлээж байлаа. Ямбалан тухалж сураагүй нүүдэлч зоны морьт цэргийн эвэртэн туурайтан эрс аргамаг хүлэгтээ мордон дуниартах их талд отоглон буусан өөр өөрсдийн хуаран тийш давхилдаж, төдөлгүй зүүн гарын Жуки бөгөөд үе залгамжлагч Алашаны түмт зүүн чигийг барин хөдлөхөд түүний араас шинэхэн баруун гарын Луули ван хэргэм хүртсэн Бага Луугийн хагас түмэн цэрэг шил дарахад Шаньюй бараа бологсодоо дагуулан ойролцоох нэгэн толгод дээр гарч мориноосоо буулгүйгээр хоёр хүүгийнхээ цэргийн цувааны бараа тасран тасартал харж зогссоноо "хүүхдүүд маань өсч цөм эрийн цээнд хүрчээ. Хожим сайн сайхан явцгаагаасай гэж дээд тэнгэрээсээ гуймуу. Нэг эцгийн байтал хоорондоо нийцэж чадахгүй бол наанадаж өөрсдөө цаанадаж төр улсад маань уршигтай бус уу. Ураг төрлийн хол нь, уул усны ойр нь гэдэгсэн. Би энэ үгийг ямагт санаж энэ удаад эрслэн шийдлээ. Шороту анд болоод бусад шадар нөхөд маань юм хэлэхгүй байхыг бодоход би зөв шийдсэн бололтой" хэмээн бодоод хажуудаа байгаа Том Лууд хандаж,
- Чи өмнөдийн Луули ван боллоо. Зүүн гарын Луули ван /Гюнченийг хэлж байна/ та хоёр эвт шаазгай мэт найрсаг байж урт цагаан хэрэмний цаанаас аюул учрах аваас алгуурлалгүй ял асуун номхотгож байх хэрэгтэй шүү. Хэрэмний цаана ч өвөг дээдсийн минь шарил бий тул хэрэг тохиолдвол өнгийж болно. Тэгэхдээ Хан улс манайтай найрсаг байх хэлцэлтэйг санаж явагтун. Төрийн хэрэгт төрлийг тэвчих учиртайг ямагт санаж явтугай гээд мориндоо ташуур өгөн баруун чигт хөдөлж буй их цэргийнхээ араас ухасхийхэд дэргэдийн бие хамгаалах торгон цэргийнхэн хойноос нь пирхийн давхилдав.
Том Луугийн унасан тэнгэрийн хүлэг хэмээх цасан цагаан морь амаа авч, Шаньюйн давхисан зүг рүү ухасхийсэн боловч унасан эзэн нь жолоог огцом татмагц хойт хоёр хөл дээрээ босоод тогтов. Шаньюйн удмынхан цөм тэнгэрийн гэгдэх хүлэг морь унах агаад гагцхүү Шаньюй төрийн ёслолын үед тахийн удамт хул морь унах ажээ. Эцгийгээ бараа бологсодоо дагуулсаар тэртээ ухаа дээгүүр даван давтал харж зогссон Том Луугийн дэргэд гэв гэнэт луус унасан шаравтар царайтай, туранхайвтар өвгөн дөхөж ирээд,
- Эрхэм Өмнөдийн Луули вантан! Одоо хөдлөх юм биш үү гэж шаардах, сануулахыг хослуулан хэлэхэд амыг нь дагуулаад,
- За тэгье гэснээ сая нөгөөх өвгөнийг анзаарч, өө Ижун багш... би сая ааваараа бахархаж байлаа. Аавын насан дээр очиход тийм хөнгөн шингэн байж чадах болов уу... аав маань надад Өмнөдийн Луули ван хэргэм хайрлаж, урт цагаан хэрмийн арын ус бэлчээр тэгширсэн энэ сайхан газрыг эдлэн болгож өглөө. Ээжийн эгч өөд болохоосоо өмнө эхийнхээ төрсөн газрын ойр эдлэнтэй болох юм шүү гэдэг байв. Хэрэмний цаана чиний ураг төрөл бий тул эе эвээ олоод байж болох бусуу гэж нэг биш удаа сануулж байсан сан гэхэд Ижун,
- За даа Луули вантан минь! Бүсгүй хүмүүсийн өр нимгэн учраас юм л бол энэ минь тэр минь гэх буй. Та одоо өөрөө өөрийгөө авч явах том хүн болсон тул хэзээ хаана, хэнд юу ярихаа сайтар цэгнэж байваас зохилтой гэж хөгшин багш чинь зөвлөх байна гэхэд Том Луу бодолхийлснээ,
- Таны зөв. Гэхдээ хүн юу гэх бол гээд цэнээд байж таарахгүй биз дээ багшаа гэхэд шавийгаа нухацтай харснаа,
- Чи ээ... Луули вантан минь! Та бол жир хүн биш. Хүннүгийн Шаньюйн хүү, хуантайз. Төр улсынхаа хэргийг шийдэлцэж байх хоёр дахь үгүй юмаа гэхэд гурав дахь зиндааны хүн. Бас Хан улсын эзэн хааны зээ хүү. Тийм болохоор таны амнаас болчимгүй үг унаж байх учиргүй гэж багш нь мунхаглана гэв.
- Багш та миний мэдэхийн дандаа л болгоомжилсон үг хэлж байх юм гээд Том Луу инээмсэглэн багшаа ширтэхэд,
- Магадгүй ээ. Таны ах, Зүүн гарын Жуки Алашан, таны дүү Зүүн гарын Луули ван Гюнчен нарын багш, төрийн ёслолын түшмэл Ажаа чинь бас сэрэмжлүүлэх үүднээс надтай адил хэлдгийг эрх биш анзаардаг биз дээ гэж тойруу замаар анхааруулахад,
- Тиймээ. Энэ өдрөөс хойш давхар ухаан зарж байсу гээд морио давирч хэрмэнд бараг тулж хуарагнасан түмт тийшээ гэлдрэхэд Ижун багш муу луусаа ташуурдаж араас нь хөдлөв.
Хан улсын овсгоотой худалдаачид боомт нээгдсэнийг шуурхайлан ашиглаж аль хэдүйнээ хэрмийн ар талд гарч ирчихсэн цэргийн хуарангийн захад торго, хоргой, үнэт чулуун эдлэл, элдэв эрээвэр хураавар зүйлээ дэлгэн тавьсны хажуугаар Луули ванг өнгөрөхөд цагаан царайтай цулцгар эр ойртон ирж мэхийн ёслоод,
- Хүннү улсын Өмнөдийн их вантан Лю таны түмэн амар амгаланг аялтгая гэхэд Лю гэснийг Луу хэмээн сонссон Луули ван мориныхоо жолоог татаж,
- Таануус хаанаас ирсэн хүмүүс байна. Өнөө өглөөхөн харагдахгүй байсан биш билүү гэж сэжиглэнгүй асуухад,
- Жа тийм ээ. Хоёр улс маань найрсаг байх хэлцэл хийжээ гэдгийг сонсоод хэд хоногийн өмнө хэрмэнд ойртон ирээд байлаа. Эрхэм вантан та өнөө орой зав зай гаргаж өчүүхэн худалдаачин намайг хүлээн авч болохсон болов уу гэлээ.
Цулцгар эр цаанаасаа зориуд даалгавартай ирснийг насан идэр, цус шингэн Луули бүү хэл тэртээ нэгэн цагт Хүннүгийн Шаньюйн татвар эхнэрээс төрсөн хоёр Лууг Лю овогт болгон хүмүүжүүлэхээр Эзэн хааны ордны Их тайганы зараалаар илгээгдэж өдий хүрсэн Ижун хүртэл үл гадарлаж "зальт нэгэн худалдаачин биз" хэмээн бодоод өнгөрчээ.
Модун цагаан хэрмийн дэргэдээс хүүхдүүдээ дайнд явуулахыг нь явуулж, хил хязгаарт үлдээхийг нь үлдээгээд өөрөө Юэчжитэй байлдахаар явах зам гудаст эцэг Түмэн Шаньюйн үед Цинь улсын жанжин Мэнь Тяны цэрэгт Хүннү нар хөөгдөн хотлоороо зугтаж явахдаа түр саатаж байсан нэгээхэн нуурын хөвөөнд ирэхэд тэвхэлзтэл алхалдаг өндөр хээр морь унан, ялимгүй хазгай сууж андынхаа үг бүрийг гээлгүй чагнаж "тийм л дээ. Чиний буруу байхгүй" хэмээн сэтгэлийг нь засах үг хэлж нөхрөө тайтгаруулж явсан Шоротуд хандаж,
- Энэ сайхан нуурын хөвөөнд хоноглох уу даа. Аавыг амьд сэрүүн байхад энд нэг хэсэг саатан төвлөрч байж билээ. Тэгэхэд чи бид хоёр тэртээх ууланд гарч өдөржин шөнөжин алга болчихоод амьтан хүмүүсийг сандрааж байсан маань тун саяхан мэт санагдах чинь гэв.
- Анд минь ээ... ээ ээ Шаньюй гээд Шоротуг инээмсэглэхэд,
- Хоёулхнаа хамт байх үед бие биеэ анд гэж байя гээ биз дээ гээд Модун жуумалзав. Тэр хоёр өөр өөрийн бодолд дарагдан хэсэг зуур дөрөө харшуулан явав.
..."Ирэх намар Хүн уулын тайлга хийж, дээд тэнгэрт одсон эцэг таныхаа шарилын өмнө хүлцэл юугаан өчиж, дээд тэнгэр тандаа мөргөмүү. Эцэг таны араас давхин очиж шөнийн цаг дор гялалзах үй түмэн... түмэн од хэмээх галын дунд бас нэгэн галаа асаах мөч ойртсоныг хүү чинь зөн совингоороо мэдрэх болов. Аль хэдүйнээ тэнгэрт халин одсон ээжийн минь, анд нөхдийн минь дүр төрх өдөр хоногоор холдоод байхад эцэг таных улам бүр тодроод байдаг нь үйлийн үрт надтайгаа уулзахыг яаравчилнам бус уу. Таны ач нар өсч өндийлөө. Газар шороогоо хамгаалан авч яваад байх эрийн цээнд хүрцгээжээ. Эцэг таны алдсан газар шороог буцаан авах байтугай тэлсэн болохоор Хүннүчүүд намайг эцгээ алагч гэдэггүй бололтой. Гэлээ ч тавьсан сумыг замаас буцааж болдоггүйтэй адил аль тэртээ нэгэн мөчид санаатай тавьсан сум таны зүрхэнд туссаны ганцхан буруутан бол би. Намайг дээд тэнгэрт одмогц намайг тантай ойролцоо зэрэгцүүлэн оршуулахыг тушаах болно. Тэнгэрийн таалал мэдтүгэй" хэмээн Модун бодов.
Тэртээд говийн зэрэглээ татан хулан, тахь, хавтгай тэргүүтэн ан амьтад нааш цааш сүлжилдэн өндөр нам болж, далан хэлийн шувууд жиргэн хүний үхлийн совинг хөөж байвай.

ДАХИН НҮҮР УЧРАВ
Алтайн өвөр говьд өдөртөө халуун шатаж, амьсгал давчдан амь тавихаар бүгчим байлаа. Олон жилийн өмнө Модун барьцаанд явж байсан замаар баруун тийш их цэргийн цуваа хөвөрнө. Энэ бол Хүннү улсын Шаньюйн дарангуй их цэрэг байвай. Цувааны манлайд Хүннүгийн Тэлэнгид аймгийн тэргүүн ван Зэстэлэнгийн тандах дан бараан зүсмийн морьтон нум сумт цэрэг, аман хүзүүнд Шаньюйн хул морьтон их цэрэг, удаалж Жуки Гийгуны алаг морьтон цэрэг, дараа нь адуун сүргийн ноён Шороту вангийн "сүрийг бадраагч" дан цагаан морьтон цэрэг бие биенээсээ хараа үл тасрах замд шил шилээ даран аажмаар урагшилна...


Top
   
PostPosted: Apr.29.15 1:44 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
тэр хятад цустай хөвгүүд ч дээ монголын төлөө зүтгэхгүй л бол уу...баярлалаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited