#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.17 10:26 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Apr.30.15 1:10 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Үдийн наран хэвийж, уулын сүүдэр аажим аажмаар ойртож түүнийг дагаж бүлээвтэр салхи сэвэлзэхүй Хүннү улсын дарангуй их цэргийн манлайд явсан Зэстэлэнгийн тандах цэргийн түрүүч нэгэн ухаа дээр гарч ирээд мориныхоо жолоог татахад тэртээ хөхөмдөг хөндийд их тоос босч байлаа.
Толгойн тандах цэргийн цуваа зогсож аргал маргал, агь шарилж цуглуулан шатааж дохио өгмөгц барааны зайд шил даран яваа цуваа дараа дараачдаа энэчлэн дохио өгч өдөрчийн газар үргэлжилсэн цэрэг бараг нэгэн зэрэг зогсох нь гайхал төрүүлэм. Өдөрт өртөө өртөө газрын зайд утаагаар, шөнө бол түүдэг асаан хэл авалцдаг Хүннүгийн цэргийн гайхамшигт аргыг сүүлийн үед дайснууд нь хүртэл хэрэглэдэг болсон учир тэртээх хөхөмдөг хөндийн цаана бараантах уулын нэгэн өндөрлөг дээрээс бас утаа олгойдож ар тийшээ дохио өгч буй бололтой байв. Зэстэлэнги ван ойролцоо байгаа баг цэргийн ахлагчийг дуудаж,
- Юэчжийн цэргийн түрүүч харагдаж байна гэж Шаньюйд хэл хүргээд ир. Бушуулаарай гэв. Тэрхэн зуур хэл хүргэх зуутын дарга хэдэн хүний хамт морин туурай тачигнуулан давхив.
Зэстэлэнги ван эл ухаа дээр аяны цачраа босгуулж, хаяаг нь сөхүүлэн тухаллаа. Аян дайн бол Хүннүчүүдийн ердийн амьдрал учраас дайсныг хараад тэвдэх, хэвийн байдлаа алдах нь үгүйн гэрч энэ болой. Төдөлгүй аравт, зуут, мянгатын дарга, ноёд цачрын дэргэд цугларч айраг сөгнүүлэн алсад бужигналдах Юэчжийнхнийг харцгаан энэ тэрхнийг хөөрөлдөнө.
- Вантаан! Юэчжийн их вангийн нас сүүдэр жар гарсан гэж үнэн болов уу? хэмээн зуутын дарга сөөсгөр хархүүг сониучирхан асуухад "Гөрөөчин отгийн энэ жаал сэргэлэн дээ. Хэтдээ Хүннү улсад хэрэгтэй л хүн болно. Харж хандаж яваарай гэж муу хөгшин эх нь надад захисан. Эцэг нь надад мөн ч их тус болж байсан даа. Юэчжийнхний гарт орж амь үрэгдсэн болохоор чи тэдэнтэй нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцахаар яарч байгаа биз" гэж вантан бодоод
- Тийм ээ. Жар бараг гарсан байх гэхэд хажууд нь суугаа ахимагдуу ноён,
- Өөд болооч Түмэн шаньюйгаас цөөхөн дүү байсан байх шүү гэв.
- Тээр жил би вангийн зараалаа очиж байхад идэрхэн эр байсан. Одоо өтлөө биз дээ гэж вангийн гарын бичгийн түшмэл хошуу нэмэхэд нөгөөх сөөсгөх хархүү,
- Хүүхэд энэ тэр бий болов уу гэхэд айрганд гүзээ нь сунасан, алиа марзандуу байрын нас тогтсон нэгэн эр дороо хавчиганаснаа,
- Охинтой. Мөн ч сайхан амьтан байдаг юм. Зээ охинтой болсон гэж олон жилийн өмнө яригдаж байсан. Байгаа бол чамаас цөөхөн дүү болов уу. Эрхэм баатар таныг түүнтэй суулгачихвал худ ураг болцгоож байлдах энээ тэр гэхгүй зүгээр юм биш үү? гэхэд хүмүүс нирхийтэл инээлдэв. Өндөгнөөс дөнгөж гарсан дэгдээхийг санагдуулам сөөсгөрийн царай минчийтэл улайж хуурамчаар ханиалган,
- Үгүй хөөе! Тэр морьтой хүмүүсийг хараач. Шаньюйгаас хэл ирж байгаа байлгүй гэж дүйвүүлэв. Үнэхээр ч хэдхэн мөчийн дараа морьдоо усан хулгана болтол давхисаар хэл хүргэх зуутын дарга хүрч ирээд цулбуураа хөтчид өгөн вангийн цачирт дөхөв. Зэстэлэнги ван хултай айргаа тавиад
- За хө! Шаньюй юу гэж байна? гэхэд
- Юэчжийн эрхэм ван чухам хаахна байгааг мэдэж байх хэрэгтэй гэнэ.
- Өөр юм хэлсэнгүй юу?
- Өнөөдөр дайрахгүй. Гэхдээ тун болгоомжтой бай гэсэн.
- За.
- Таныг үдэш аяны өргөөнд ирээрэй гэж байна билээ. Тэгээд ярилцъя гэсэн гэхэд ван хултай айргаа авч хүд хүд хийтэл хэд балгаснаа дайсны байрлал тийш өлийн харж,
- Ноёд оо! Өөр өөрсдийнхөө аравт, зуут дээрээ очиж цэрэг эрсийнхээ сэтгэлийг зас! Үдэш аравт бүр их түүдэг асаан дээд тэнгэртээ залбиран аян дайны онгодоо сэргээх ёслол үйлд. Би шөнө дунд таанууст хэл мэдээ хүргүүлнэ. Чанд баримтал. Алгуурласан хэнийг ч болов хайр найргүй гэсгээн цээрлүүлэхийг мэдтүгэй. Одоо би Хүннү улсын их Шаньюйн мэлмий дор сөгдөн дайн тулааны тушаал авахаар явлаа гээд өндийхөд Тэлэнгид аймгийн эвэртэн туурайтнууд пирхийн нэгэн зэрэг босов...
Өглөөний улаан наран Алтайн уулын дээгүүр арай ядан цухуйж дахиад л бүгчим халуун өдөр эхлэв. Шаньюйн дан хул морьтон цэрэг аль хэдийнээ байрлалаа эзлэн дайсныг хүлээж ядан байв. Их хөндийг тэр чигээр нь эзлэн тушаал хүлээн зогсох түмэн цэрэг аравт, зуутаараа жигдэрчээ. Хааяа дөрөө харших, морьд тургихыг эс тооцвол чив чимээгүй дүнсийх агаад аадрын өмнөх битүү түгшүүр шиг сүрдмээр, гайхмаар байвай.
Их цэргийн өмнөх ухаа дээр Хүннү улсын Шаньюй, баруун гарын Жуки болон бусад ихэс дээдэс гоёмсог ширдэг дэвсүүлэн сууж хүүрнэлдэнэ.
- Жуки та өөрийнхөө түмтээр баруун жигүүр болон дайраад Юэчжийн цаад талд гарах биз. Зүүн жигүүрийг Шороту ван толгойлж өөрийн цагаан морьтон цэргээ авч тээр хойтох барзгар толгодуудад нуугдсан байгаа Зэстэлэнги ванд зай гарган оруулаад миний түмт Юэчжийг халз дайрах болно. Тээр хөндийд их тоос босоод байгааг бодвол тулаан эхэлсэн бололтой гэж Модунг хэлэхэд жуки Гийгуны нүд сэргээд явчихав.
..."Жуки маань өтөлжээ. Арай ч ийм хүн байгаагүй... Та ар талаа хамгаалж байвал яасан юм бэ гэж өчигдөр би түүнийг гомдоочихов уу даа. Амархан гомддог боловч хосгүй цагаан цайлган хүн дээ. Энэ удаад Юэчжийн хөгшин ванг амьдаар нь олзолбол жукид ч, надад ч хэрэг байна сан" хэмээн Модун бодоод,
- Жуки та одоо мордвол яасан юм бэ гэв. Сэтгэл нь сэргэсэн Жуки Гийгун цэл залуу хүн шиг гүйн, аргамаг хүлэгтээ сэвхийтэл мордоод бараа бологчдоо дагуулан тоос татуулан давхин одов. Нилээд хугацаа өнгөрсний дараа тулааны газраас Зэстэлэнги вангийн мэдээч давхин ирж мориноосоо буун харайж,
- Үүр шөнийн заагаар Юэчжийг дайраад одоо тохирсон ёсоор ухран байлдаж байна. Хэдийд буцаж "зугатах" вэ? гэж ван танд хэлүүллээ гээд Шаньюйд мэхийн ёслов.
- Юэчжийн вангийн байгаа газрын мэдэж чадаа юу? гэж Модун тэртээх хөндийд хараа хандуулан асуухад,
- Жа! Мэдсэн гэсээн. Шөнө тэдний нэг хүнийг барьж ирсэн байна билээ. Юэчжийн эзний бие хамгаалах цэргийн зуутын дарга гэсэн. Хэдэн хүнтэй толгойн цэрэгтээ мэдээ хүргэхээр явж байсан юм билээ. Тэгээд...
- За ойлголоо. Үдийн хирд гэнэт буцаж зугт. Би одоо байгаа газартаа хүлээж байна гэж Зэстэлэнги ванд хэл.
Жин үдийн халуун шатаж хөлс, тоос, цус нөжтэйгөө хутгалдсан хоёр талын цэрэг эрс зууралдан тулалдаж байлаа. Хүннү улсын магнай цэрэг гэнэт буцаж зугатсанд омогшсон Юэчжийнхэн тэднийг бүх хүчээрээ гэзэг даран хөөсөөр Шаньюйн их цэргийн байрлалд тулж ирээд хэрэг бишидсэнийг ухаарсан боловч нэгэнт хожимдсон байлаа.
- Шаньюй! Юэчжийнхэн зугатаж байна. Хумиж бүслэхээр Жукийн алаг морьтон баруун талаар нь Шороту вангийн цагаан морьтон нөгөө талаар нь тойрч байна гэж нахиу хамартай, нүүрэндээ шархны гүн сорвитой, өргөн шанаатай эрийг хэлэхэд тэртээх хөндийд бөөн тоосон дунд хүний өөрийнх нь үл мэдэгдэх үй олон морьтонгуудын бужигналдан тулалдахыг ажиглаж айраг ууж суусан Модун
- Мөөн гээд тэднийг Хатан мөрнийг гатлуулан алдав гэж Шороту, Жуки хоёрт хэл гэлээ.
Мэдээ авчирсан эр мориндоо ухасхийн мордоод тулалдаан болж буй хөндий рүү давхин одоход араас нь харж завилан суусан Шаньюй... "Юэчжийн ванг зугатаалган алдаж хэрхэвч болохгүй. Түүнийг амьдаар нь барих ёстой. Харь газар ямар байдгийг үзэг" хэмээн бодсоноо,
- Морь! гээд өндийхөд түүний мянганы газрыг алжаалгүй туулдаг аргамаг хүлгийг хөтөлж ирэхэд сэвхийтэл мордон тулалдааны талбар тийш ухасхийлээ. Шаньюйн бие хамгаалах түмтийн ноён нөхөддөө "бушуул" хэмээн толгойгоороо дохиж дагалдан давхихад ухаагийн арын тэнүүн талбайд тэсч ядан хүлээж байсан түмэн цэрэг уралдааны морьд гарч байгаа юм шир пирхийн давхилдахуйд аймшигтай нүргээн сонсогдож олон морьтны хөлөөр их тоос бослоо.
...Энэ үед тулалдааны байдлыг ажиглаж суусан Юэчжийн ван Хийдоль тэртээ хойд талаар ороон гарч ирж буй Хүннүгийн дан цагаан морьтон цэргүүдийг хараад,
- Морь, морь! гэж тэвдэн өндийсөн боловч "зөнөг толгой би буруу боджээ... Манайхан өглөөгүүр ялж байгаагүй билүү. Тэд зугатсан дүр үзүүлж мануусыг молигоджээ. Ээ чааваас! Модун чамайг барьцаанд байх үед чинь тамлан зовоож гавлаар чинь аяга хийлгэх гэсээр байгаад алдсан миний хохь болжээ. Зугатан гарах аргагүй бүслэгдэв бололтой. Юунд ч хайртай эхнэрээ чирч авч ирэв ээ би. Ээ чааваа" гээд лагхийн суутал ойролцоох цачираас нүд булаам нэгэн эм годхийн гарч ирснээ,
- Ээ тэнгэр минь! Эзэн минь! гэж халаглан ван тийш гүйж ирээд өмнө нь сөхрөн унаж Эзэн минь... тэр цагаан морьтой олон хүн... дайсан, Хүннүчүүд гэж үгээ олж ядан царайчлан харахад цаадах нь "амь үнэнч, амраг худалч" гэсэн шиг ярвайсхийн энэ сайхан амьтныг таалах хугацаа нэгэнт өнгөрснийг ойлгон дэргэдээсээ үл салах "цаазын илд" хэмээх бух шиг булиа эрд нууц дохио өгөхүйд тэрбээр эл бүсгүйг өргөн босгох дүр үзүүлэнгээ хутгалан хороолоо. Бүсгүйн урт сормуустай тунгалаг хар нүдэнд хоромхон зуур гайхсан, айсан байдал ажиглагдсанаа "вантан... ва" гээд үхэтхийн унав.
Ойролцоох уяан дээр байсан ижил зүсмийн хоёр хүлэг дуу дуугаа аван янцгаахад өтөл вантан хирдхийн цочив. Мулгуу тэнэг явдалтанд ертөнцийн гоо сайхан дарагдан бөхөхөд адгуус хүртэл харамсан байна уу гэлтэй.
Юэчжийн вангийн аяны өргөө бүслэгдэж хааш хаашаа сум тусах зайд аймшигт тулалдаан болж байлаа. Хийдоль хэсэг зуур балмагдсанаа хутгаа сугалан өөрийгөө егүүтгэхээр далайтал исгэрэх чимээ гарч, нэгэн сум хутга барьсан гарыг онож алдуулав. Вангийн бие хамгаалах шадар цэргүүд дараа дараагаараа суманд шавуулан унаж байлаа.
"Намайг харван алахгүй байхыг бодоход амьдаар минь барихаар шийджээ" хэмээн ухаарсан ван шархаа үл тоон алдсан хутгаа эрж мөлхөв. Эцсийн найдвар болсон хутганы иш "цаазын илд"-ийн дороос цухуйж буйг арайхийн автал дотор нь давчдан ухаан алдлаа... Юэчжийн ванг мөлхөж яваад өндийх мөчид Хүннүгийн адуун сүргийн ван Шороту бугуйлдан барьжээ.
Хүннү улсанд байнга аюул занал учруулж байсан Юэчжийн ванг сонирхохоор цэрэг даргагүй шахцалдан зүтгэцгээж байв.
- Таминь ээ зай тавь. Вантан ухаан алдсан байна. Салхи өг гэж Шоротуг хэлэхэд ухарцгааж өвөр хоорондоо,
- Энэ ван чинь настай хүн байна шүү дээ.
- Мулзан толгойтой юм.
- Хатнаа олзлуулахгүй гэсэндээ хутгалан хороосон бололтой.
- Тийм сайхан амьтныг яаж зүрхэлж хутгалдаг байна аа.
- Манай Шороту вангийн хараа хурц хэвээр тулдаа хутгатай гарыг нь онож алдуулаагүй бол өдийд Юэчжийн ванг амьд үзэх хувь дутах байж.
- Тийм ээ. Шороту вангийн тэр бугуйлдаж байгааг нь яана гээч. Ёстой л адуун сүргийн их ван цолондоо тохирсон хүн шүү хэмээн шивэр авир гэцгээж байтал Шаньюй тэргүүтэй ихэс ноёд давхилдан ирэхэд бүгд мэхийн ёсолж хүндэтгэв.
- Вантангийн бие лагшин тунгалаг биз дээ гэж цэвэр Юэчжи хэлээр асуухыг бүүр түүр сонссон Хийдоль ван арайхийн өндийж эргэн тойрныг харж ухаан алдаж олзлогдсоноо мэджүхүй. Тэрбээр "би солиоров уу яав, манай хэлээр биеийг минь асуугаагүй билүү" хэмээн гайхтал өмнө нь тэнгэрийн хүлэг хэмээн алдаршсан, өндөр зэгзгэр морин дээр ялимгүй хазгай суусан, шингэн буурал үстэй, туранхайвтар, хижээл насны эр өөрийг нь ширтэн байхыг харангаа,
- Аа Модун!... шаньюй... тантай энд яг ингэж уулзана чинээ санасангүй гэхэд Юэчжи хэлийг гаргуун мэдэх Модун,
- Таныг өөрийн биеэр наашаа хөдөлсөн гэхийг сонсоод дахин нэг нүүр учрах юм байна гэж бодоод өөрийн биеэр хөдөлсөн юм. Амьд уулзах юмсан гэж бодож байлаа. Та надаас хорь шахам ах атлаа хэвээрээ шахуу байна шүү. Та бид хоёрт хуучлах юм их бий гэхэд,
- Би алджээ. Тэгэхэд барын зулзагыг нэг мөр гэтэл Модун эмээлийнхээ нөгөө тал руу суугаад үгийг нь таслан,
- Тийм ээ барын зулзагыг үүрд торонд байлгаж чадаагүй таны алдаа. Энэ тухай хоёулаа жич ярьсу гээд эргэх гэтэл Хийдоль ван,
- Шаньюй! та бид хоёр дахин нүүр учрах юм байна гэж ойлголоо хэмээн гунигтайгаар асуухад,
- Бид хоёрт ярих юм их бий гэж саяхан би танд хэллээ шүү дээ. Та манай газар шороог ихэд сонирхоод байсан тул ханатлаа үзэх болно гээд Шороту ванд хандаж,
- Юэчжийн эрхэм ванг хамгаалж өргөөнд хүргүүлэх юм шүү. Юэчжийн цэрэг ялагдаж Ван нь олзлогдсон тул байлдаанаа зогсооё. Зэстэлэнги вантан эндээ үлдэж хязгаар нутгаа илбэн тохинуулах биз гээд морио гуядан эргэхэд хэдэн мянган цэрэг эрс зай тавин өглөө.
Шаньюй өөрийн асрын дэргэд давхин ирэхэд асар харагч аравтын дарга, майга хөлтэй, хөлс дааварласан улаан царайтай идэрхэн эр уяан дээр түүнийг угтан авахад Модун,
- Жукигээс чимээ алга уу, одоо болтол яагаад ирэхгүй байгаа юм бол гээд дөрөө мултлах гэтэл,
- Жа! Шаньюй минь! эвгүй мэдээ ирээд байна хэмээн ялимгүй зай барин толгой гудайлган зогсох эрийг заахад,
- Асарт оруул хэмээн тушаагаад дөрөө мултлав. Шаньюй дайны асартаа орж аажим алхалсаар хоймор талд зассан аяны орон дээрээ суутал гаднаас ширвээ сахалтай, онигох нүдтэй хижээлдүү эр орж ирээд хормой дэвсэн сөхөрч,
- Шаньюй!... Жуки Гийгун алагдав гэтэл Модугийн царай үнсэн хөх болж,
- Юу гэнэ ээ чи гээд босон харайснаа буцаж суун толгойгоо барьж газар ширтэн удаан сууснаа нөгөөх эрийг ярвайсхийн харж,
- Таануус Жукиг хамгаалж явж чадсангүй юу? гэхэд,
- Чадсангүй гэв.
- Чи чинь насаараа Жукийн бие хамгаалагч явсан атлаа чухал үед яагаад сэрэмж алдав гэж Шаньюйг хэлэхэд нуруу руу нь хүйт оргисон боловч угаас зүрхтэй, шулуун шударга эр тул сэхээ авч,
- Жуки эцгийнхээ өшөөг заавал авна гээд дайны талбараас зугатсан Юэчжийн вангийн хүргэн жанжны араас нэхсэн юм л даа гэв... Хар нялхаас нь эцгийн нь оронд эцэг болж явсан хүнээ алдсан Шаньюй,
- Жуки гэж амандаа бувтнаж, нөгөөх эрийг хэсэг зуур муухай харж байснаа,
- Чи одоо яв. Зүүн гарын жукийн хүү Асланбөх эцгийнхээ алаг морьтон түмтийг захирч бай гэж хэл хүргэ. Өнөөдөртөө багтаж нутгийн зүг хүлгийн жолоог залах хэрэгтэйг дамжуул. Жукийн хүүрийг Алтайн уулын арын ихсийн газарт ёс төртэйгөөр хөдөөлүүлэн газар шороондоо мөнхөлье гэв.
Алтайн хаалга хэмээх хавцлаар Хүннү улсын дарангуй их цэргийн цуваа өдөржин шөнөжин цувахыг тэртээ дээрх эгц хадан дээрээс янгирын хэсэг сүрэг ажиглан Хүннү улсын баруун гарын Жукийг эцсийн замд нь үдэж гашуудлыг хуваалцаж байна уу гэлтэй бөртийцгөөх ажгуу.

МОРИН ЖИЛ
Орхон гол мяралзан урсч, нов ногоон дэнж дээгүүр асар, цачир, майхан ярайж морьтонгууд нааш цааш холхилдон давхих нь үлгэрийн юм шиг сонин гойд сэтгэгдэл төрүүлэх авай. Шаньюйн их өргөөнд ээлжит хурилдай хийхээр Хүннү улсын эвэртэй туурайтан цувралдан орж ирээд өөр өөрсдөд нь оноосон суудлыг эзлэн айраг шимж өвөр хоорондоо дүнгэр дүнгэр ярилцах агаад хирийн хүн даахааргүй сэтгэлийн ачааг тээж яваа Шаньюйн царай цонхийж, нүднийх нь доод зовхинд олон үрчлээс сууж, эрт бууралтсан үс нь шингэрэн, хүзүү нь гүрдийн тийм ч таатай харагдахгүй болсонд өсөх наснаасаа өтлөх хүртлээ түмэн бэрхийг хамт туулж өдгөө цөөрсөн үе тэнгийн шадар нөхөд нь өрөвдөн сууцгаавай.
- Вангууд аа! гэснээ Шаньюй өөрнийхөө зүүн, баруун гарт суугаа Алашан, Асланбөх хоёр дээр ээлжлэн хараа тусгаснаа,
- Бид Юэчжи, Дунху нарыг номхотгож хил хязгаараа батлан бэхжүүллээ. Хан улстай эн тэнцүү айл улс боллоо. Бид ном судар, эд агуурсаа хадгалах савтай боллоо. /Лучен хотыг хэлж буй аж/ Дунхуг байлдах аян дайныг миний хүү Зүүн гарын жуки Алашан гарамгай дуусгаж юм үзэж нүд тайллаа. Харамсалтай нь өнөөдөр бидний дунд Жуки Гийгун маань алга. Гэвч түүний хүү Асланбөх миний дэргэд сууж байна. Түүнийг энэ өдрөөс эхлэн Хүннү улсын зүүн гарын жукигээр өргөмжлөн, түмтийн зонхилогч хэргэм олгож байна гэхэд цөм "зөвөө зөв" гэцгээн хүлээн зөвшөөрлөө.
Одоо ёслолын түшмэл "ажаа" ах та бид нарт цаашид мөрдөж байх төрийн шинэ ёс журмын тухай хэлж өгөх болно гэхэд өөрт нь байнга итгэл үзүүлж байдаг Шаньюйдаа өвгөн түшмэл талархан мэхийгээд,
- Жа! Ийм л юм байгаа юм чухам. Юу гэвэл, төрийн чухал мэдээг яаралтай алс хол дамжуулан итгэлт хүнд бариулах төмөр ба модон пайз бий болгоё гэсэн юм. Төмрөөр хийсэн пайз нь бат бэх тул түүнийг харь орон улс, алс газар зарагдах хүнд, харин модон пайзыг алба гувчуур хураах эрхтэн дархтанд өгч байх юм. Яаралтай саадгүй явуул гэсний тэмдэг болгож төмөр пайзан дээр нисч буй шонхор, эд юмс машид элбэг байг гэсэн санаагаар модон пайз дээр зөрөлдөн эвхрэлдсэн загас байх юм гэхэд Шаньюй "ямар байна" гэсэн шиг бүгдийг тойруулан харав.
- Маш сайхан санаа байна.
- Донжийг нь тааруулсан байна.
- Өөд болооч Хүрэлдэй ван дээхнэ үед бас алтан дээр Шаньюйн дүрсийг товойлгон "Шаньюйн тамаг" хийж түүнийг нь бид өдгөө хүртэл хэрэглсэсээр байна. Ач тустай чухал эд болсон билээ.
- Тийм ээ. Энэ пайз чинь өргөн уудам нутагтай манай гүрний хувьд цагаа олсон дог оо.
- Ажаа ах дайн тулааны хэргээс хөндийрсөн нь оносон юм биш үү гэцгээн дэмжихэд,
- За тэгвэл энэ пайзыг төрийн хэрэгт энэ өдрөөс эхлэн хэрэглэж байсу гэж Шаньюй зөвшөөрөөд Ажаа та цааш нь ярина уу гэлээ.
- Жа! Ийм юм л даа. Юу гэвэл, үүх түүх бичихэд тийм явдал тийм жилд болжээ гэж хойчийн үр сад маань мэдэхгүй нь. Бид өвөг дээдсийнхээ түүхийг амнаас ам дамжуулан мэддэг боловч он цагийг нь заримдаа Нанхиадын түүхийн тэмдэглэлээс эрж байх төдийд болжээ гэцгээдэг. Тийм болохоор нэгэн бүтэн жилийг юу гэж нэрлэх вэ гэдгийг ярилцах нь зүйтэй гэж Шаньюй хэлсэн ёсоор би нэг юм бодоод байгаа юм гэлээ. Энэ удаагийн хурилдай нэн сонирхолтой болж буйд бүгдээрээ сэтгэл ханамжтай байлаа. Өвгөн түшмэл хэсэг зуур дуугүй байснаа,
- Жишиж хэлбэл, морь ч юм уу аль эсвэл үхэр жил гэж байж болох юм гэхэд Шаньюй,
- Тийм ээ. Амьтнаар төлөөлүүлсөн арван хоёр мөчлөг байх юм. Энэ талаар Ажаа ах бид хоёр мөн ч олон шөнө ярилцсан юм гэж нэмж хэлэхэд бүгд зөвшөөрөн толгой дохиж байлаа. Эл хурилдай МЭӨ 182 онд болж морин жил эхэлжүүхэй.
...Хэдийгээр зуны эхэн сар гарсан ч хаврын амьсгал тасраагүй хүйтэн салхи онгорхой хаяагаар үлээж үнс чандруу бужигнуулан холхи тэртээд үй түмэн одод анивчихуй дор бүлээн газраас олзлогдож ирсэн харь газрын хүн байтугай эл газар шороон дээр ойчиж төрөөд ухаан суусан хэн бүхний сэтгэлийг гэгэлзүүлэх ажээ.
Аргалын гал унтарч, хоймрын ганц авдаршуу юман дээрх дэн сүүтэгнэсэн ханхай гэрийн баруун хаяанд Юэчжийн ван Хийдоль элдвийг эргэцүүлэн хэвтлээ... "Энэ газар ирээд жил гаруйн нүүр үзлээ. Өнөөдөр нөгөөх хурилдай гэдгээ хийж байгаа гэсэн... юу яриа бол. Ядахад нөгөө хэлмэрч майга өнөөдөр үзэгдсэнгүй. Хоол, унд авчирч өгдөг шивэгчин хүүхнээс элдвийн юм асуугаад байлтай нь биш. Тэгээд ч энэ эмс хүүхнүүд урт хэлтэй амьтас... тэгэхэд дэндүү яарч залуу хатнаа хороолгож... ээ чааваас... Өнгөрсөн өвлийг арайхийн давсансан. Энэ өвлийг ч барахгүй нь бололтой. Модунд мөн ч олон удаа бараалхаж их ч зүйлийг ярилцлаа. Уржигдар уулзаад та нутгаа санаж байгаа биз дээ гэх шиг болсон. Ямар санаагаар хэлэв. Хоногийн тоо маань гүйцэв бололтой" хэмээн бодож хэвттэл эсгий үүдийг сэвхийтэл сөхөөд нэгэн хүн орж ирэхэд,
- Хэн бэ, юун хүн бэ гэж ван айсхийн хагас өндийж сүүмэлзэх дэнгийн бүдэг гэрэлд таньж ядан дээгүүр доогуур харав.
- Жа би байна аа. Хэлмэрч байна гэх танил дуунаар ван Ёох! гээд санаа амрав бололтой буцаж хэвтээд,
- Цаагуур чинь юу болж байна. Хурилдай энэ тэр тараа юу гэхэд хэлмэрч эзэндээ дөхөж очоод,
- Жа хараахан дуусаагүй бололтой гэв.
- Юун тухай ярьж байга гэнэ, мэдсэн барьсан юм байна уу гэв.
Хэлмэрч гэгдэх Юэчжи эр дайны талбарт олзлогдсон ч Хүннүгийн хэлийг гарамгай мэддэгийн ачаар амьд үлдэж эзнийхээ дэргэд шадарлан мөр бүтэн гэдэс цатгалан яваа нэгэн ажээ. Мань эр чих нь хатуурч юмыг дахин дахин асуух болсон эзэндээ дотроо зэвүүцэн дургүй байх боловч угаас тэвчээртэй нэгэн болохоор түүнийгээ чадамгай нууж бас аз байгаад эзэн нь суллагдвал хүний энэ хол газар аминд нь орж байсныг бодоод намайг насны эцэст жаргаах магадгүй гэсэн холын ухаан зарж тэвчээртэйгээр өдий хүрсэн ажгуу.
- Энэ Орхоны хөндийд байгаа Лучен хот гэж нэрлэгддэг шавар хэрэм, тагзнууд шигээ юмыг эндээс элбэг арван өдөрчийн газарт байх Хэрлэн, Туул гэдэг голуудын сав газарт барих, бас Пайз гээч юм бий болгох, жил сарын юу гэж нэрлэх тухай л ярьж байгаа юм дагуу даа гэхэд,
- Тэрний буруу гэж юу байхав. Ингэхэд чи үг бүхэндээ элдвийн чимэг нэмж шаналж байгаа сэтгэлд минь давхар зовлон учруулах юм. Үүнээс хойш хэл гэсэн юманд тов тодорхой хариулж бай. Чи хэлмэрч болохоос биш Юэчжийн ван биш. Чи энэ Хүннүгийн адгийн малчны олон хургалсан эм хонины үнэ цэнэгүй амьтан гэдгээ эгнэгт ухаар гээд бухимдлаа хэлмэрчид гарган уурсав.
"Үгүй ер өө бас Юэчжийн ван гэнэ. Өдөр хоногоо хүлээж хэвтэж юун давилуун нохой билээ дээ. Хөгшин хонины үнэгүй миний бавгар толгой, чиний зөнөг өл халзан толгойноос сүүлд өнхрөх байлгүй" хэмээн тавлан бодсон хэлмэрч,
- Жа! Ойлголоо. Энэ зэрлэгүүдийг харахаар дургүй хүрсэндээ л эвгүй үг хавчуулчих юм гэв. Ван хэлмэрчийг хялайн харснаа,
- Өөр юу сонсогдоно гэхэд "амь хэлтрэх нь үү гэж горьдож байна аа даа янз нь зөнөг чинь" хэмээн бодож амжсан хэлмэрч мөлхөөгөөрөө ойртон,
- Жа! Шавар хэрмийг манайхаас олзлогдсон цэргүүдээр босгуулж эхлээд байгаа юм байна гэхэд өөрийнх нь буруугаас олзлогдсон цэрэг эрсээ басчиг өрөвдөн,
- Тэд чинь хаа байгаа гэнэ гэхэд,
- Түрүүхэн танд хэлсэн тэр Туул хэмээх голд байгаа юм дагуу даа хөөрхийс гээд тооно өөд өлийн харснаа өө тийм нэг чухал юм сонссоноо мартах шахсан байна... Хан улсын гүнжээс гарсан хоёр хүү байдаг тухай би танд бас ярьж байсан. Тэр хоёрыг Шаньюй цагаан хэрмийн тэндээс хурилдайд дуудсан юмдаг уу даа. Тэгээд ч хурилдайд дуудсан бол хаана ч байсан амжиж ирдэг журамтай юм байна гэхэд,
- Тэр хүүхдүүд нь ирээ юу хэмээн ван яаравчлан асуугаад хагас өндийв. Битүүдээ хүүхдүүд нь эцэгтэйгээ тэрсэлдээд ирээгүй гэх байх гэсэндээ тийнхүү үг хүлээлгүй асуусан аж.
- Жа ирсэн байна аа. Тэднийг дуудуулсны учир бол Шаньюй хүүхдүүддээ эдлэн газрыг нь тус бүр оноож өгөх гэснээс үүдэлтэй юмдаг уу даа гэхэд вангийн сонирхол буурч, за за өөр сонин гойд юмгүй бол явж бай гээд хажуулдав.
- Вантаан! Гол нь тэр хүүхдүүд нь ирсэн эсэхэд биш юм аа. Тэдний эх өөд болооч гүнж уг нь Эзэн хааны ордны шивэгчин байсан юм байна гэхэд,
- Юу гэнээ гээд ван дахин өндийв.
- Тийм ээ ордны шивэгчин байсан юм байна аа. Тэр эмээс төрсөн хоёр хүүг нь Том Луу, Бага Луу гэж нэрлэсэн нь угтаа Хан улсын өөд болооч Лю Бан эзэн хааны Лю овогт гэсэнтэй дүйцүүлэн эднийхээр Луу, тэднийхээр Лю гэж хэлэх болсныг цөөхөн хүн мэддэг бололтой юм байна. Урд газрынхан ч алсын хараатай даа гээд хий ханиахад "мөн ч урт чихтэй золиг юм даа. Ийм нарийн ширийн юмыг хаанаас олоод мэддэг байна. Эм хошуутай болохоос биш... ийм хүн хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ бүүр ч хэрэггүй байдаг даа. Муу новш чинь худлаа нялуурч байж үг авч амиа хоохойлох гэсэндээ цааш нь дамжуулж мэдэх шүү" хэмээн бодоод ярвайсхийн,
- Модунг олон жилийн тэртээ манайд барьцаанд байхад эхэн үедээ чи хэлмэрчилж байсан даа гэж ванг чичирхийлсэн хоолойгоор намуухан дуугарахад өөрөөсөө дээшихэд үргэлж, атаархаж, хорсож явдаг хэлмэрч өнгөн дээрээ долигонон,
- Жа тиймээ. Шаньюй гээд сууж байгаа энэ амьтан тэгэхэд нялхаараа байсан шүү. Та ч түүнд мөн их анхаарал халамж тавьдаг байж билээ гэж ёргив. Түүний үгийг далд санааг үл ойшоосон ван,
- Тиймээ. Гадна дотны зочин гийчдийг хүлээн авахаас өгсүүлээд найр цэнгээн бүхэнд урьж оруулаад амаар нь гартал архи сархад, хоол унд өгч байсан даа. Гэтэл... энд бор хоногтоо нэг муу хоол шуу юм өгөх юм гэж гомдонгуй дуугарахад хүний мууд бах нь ханаж явдаг хэлмэрч "Үгүй ер Модунг бас амаар нь гартал хооллож байсан гэнэ. Гайгүй байлгүй муу зөнөг. Чи муу новш эрх ямбандаа ташуурч зугаа цэнгэл хөөж байснаас биш... Модун чинь тэгэхэд чам шиг олзлогдсон биш хойт эхийн турхиралт, хормой хотсоос цааш харж чадахаа больсон эцгийнхээ золиос болж барьцаанд ирснийг мэдэхгүй хүн байхгүй. Өөд хаясан чулуу өөрийн толгой дээр гэж эднийхний ярьдгаар толгой дээр чинь буусныг ухаарах тэнхэлгүй зөнөг. Хайран сайхан хатнаа харамлаж бодийг нь хөтөлчихөөд гуяа тэврэн хэвтэх нь таарсан амьтан" хэмээн бодоод,
-Ван тантай санал нийлж байна аа. Эднийнхний ярьдгаар тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч болж буй нь энэ юмаа гэснээ хи хи гэж хуурамчаар инээв.
- Тэрэг гэснээс эднийхний гэр тэрэг аль хир олон байх шиг байна? Чи тандаж мэдэв үү? гэж ванг асуухад "үхсэн хойно чинь чамд гэр тэрэг хэрэгтэй болох байх даа" гэж хэлмэрч бодох зуур,
- Жа эрхэм вантан таны хэлж байснаар тэр гэр тэргүүдийг нүдлэн тоолж үзсэн. Энэ Хүннүчүүд харахад ширүүн дориун юм шиг мөртлөө тулаад ирэхээр цагаан цайлган улс гээч. Өнөөдөр тань дээр орж ирэхгүй удсаны учир нь миний сайн таньдаг нэг зуутын дарга намайг дагуулж тэр Лучен хотоор явлаа. Гэр тэрэгнүүд тэнд харин янз бүрээрээ байна. Дөрвөн шар хөллөдөгөөс эхлээд арван хоёр шар хөллөдөг эднүүд байх юм. Эднүүс чинь сунжирсан урт аян дайн хийх үед эхнэр хүүхдүүд, мал хуйгаа авч явахдаа, эсвэл их нүүдэл хийх үедээ энэ тэргүүдийг хэрэглэдэг юмдаг уу даа. Шаньюйн гэр тэрэг ч харин сайхан эд байсан даа гэхчилэнгээр харь орны эзэн зарц хоёр хүүрнэлдэж байхад Хүннү улсын хурилдай үргэжилсээр байлаа...
- Вангуудаа бид төрийн хэрэгт чухал зүйлүүдийг ярилцаж тохиролцлоо. Одоо Юэчжийн вангийн талаар ярилцъя гэж Шаньюйг хэлэхэд өвөр хоорондоо,
- Зүйтэй. Тэр өвгөнийг хэдий болтол тэжээх юм бэ?
- Дайны талбар дээр л харваж алах байсан юм.
- Одоо ч хожимдоогүй байна шүү дээ.
- Баруун гарын Жуки Асланбөхөд өгчихвөл яасан юм бэ?
- Юэчжийнхэн вангаа авах гээд байгаа юм биш үү.
- Хөөрхийг газар заагаад суулгачихвал яасан юм бэ гэж шуугилдаж шуугилдаж чимээгүй болоход ёслолын түшмэл,
- Тэгэхлээр ийм байна л даа гэж үгээ зөөж эхэлснээ хоолойгоо засаад "эхлэл бол төгсгөл юм. Төгсгөл бол эхлэл юм" гэж аугаа их Гүнз сургасан нь бий. Энд хуран цугларсан олон ноёд та бүхний дунд миний бие хамгийн ахмад нь болохын хувьд бас чиг сургаж хэлэх нь зүйд нийцмү хэмээн мунхаглаж бодлоо хэлсү. Юу гэх гээд байна аа гэвэл Шаньюйн мэргэн ухаан, эр зоригийн хүчинд Хүннү улс хүчирхэгжин мандаж, одоогоос зуугаад жилийн тэртээ баруун зүгийн орнуудыг эрхшээлдээ оруулан Перс улсын Даарий хааныг олзолж, манайтай хил залгаа Давань газрыг хүртэл байлдан эзэлсэн Сульхарнай /Македоны Александр/-тай ч зүйрлэшгүй том гүрэн болж, бас Хан улстай эн тэнцүү айл улс болсон учир аливаа хэрэгт том гүрний хэмжээнд зангарагтай хөдөлж байвал зохимуй. Ажаагийн нь нас сүүдэр өндөр болж ханан гэр маань холдож хадан гэр ойртож буйн учир төрийн ёслолын түшмэлийн ачааг надаас авч эл биеийг маань сул орхихыг хичээнгүйлэн хүсч байна гэхэд,
- Ажаа ахаа Юэчжийн вангийн тухай ярих гэснээс бус таны тухай ярих гээгүй байна шүү дээ.
- Ажаа ахын зөв байх аа.
- Ажаад тусгайлан эдлэн газар зааж өгвөл яасан юм бэ гэцгээхэд Шаньюй,
- Ажаа ахаа энэ тухай жич ярьсу. Юэчжийн вангийн талаар санаа бодлоо хэлнэ үү гэхэд,
- Жа би түрүүн Гүнзийн сургаалиас иш татсаны учир бол аливаад төгсгөл гэж байх аваас тэр нь эхлэлийн үүд хаалгыг нээх буй гэсний учир болно. Тийм болохоор төгсгөлийг яаравчлах хэрэг байна уу гэх гэсэн юм аа гэлээ.
Хан улсын дараагаар орох дайсны гол толгойлогчийн талаар ийм үг хэлнэ чинээ санаагүй вангууд мэл гайхацгааж дэмий л Шаньюйнхаа амыг харж чив чимээгүй сууцгаалаа.
"Зэстэлэнги вангийн ярьснаар бол Юэчжийнхэн цэвэр цусны аргамаг хүлэг, алт мөнгө, хоргой, амуу будаа зэргийг их хэмжээгээр өгч вангаа авъя гэсэн аж. Хийдоль ван тэртээ нэгэн цагт намайг барьцаалж байсан нь миний буруу болохоос биш түүний буруу юу билээ. Дээд тэнгэр намайг өршөөж өнөөдөр би биш Хийдоль барьцаанд бууж байдаг. Хүний хувь заяаг ч урьдчилан харж болохгүй юм даа. Энэ өтөлсөн ванг хороосноор юу хожих вэ, хонзонгоо тайлах төдийгөөр дуусах бус уу. Харин тэдний амлаад байгааг авбал манайд хавьгүй ашигтай бус уу. Ажаа ч аргагүй л төрийн ухаантан хүн дээ. Юу гэнээ эхлэл бол төгсгөл... төгсгөл гэлүү" хэмээн Модун бодсоноо хуучин түс тас шийддэг зангаараа,
- Таануус дуугүй байхын бодоход Ажаатай санаа нийллээ гэж ойлгов. Би ч адил... Юэчжийн ванг авчир гэж тушаалаа. Хурилдай шөнө орой болтол үргэлжилсэн тул энд тэндгүй асаасан дэнгийн гэрэлд хүмүүсийн царай хүрлийн харагдаж, өргөөний хананд хадсан эсгий хөшгөн дээр товойлгон урласан ер бишийн амьтдын дүрс амьтай, хөдлөөд байгаа юм шиг тодорч бүдгэрэх ажгуу. Удалгүй Юэчжийн ванг оруулж ирэхэд тэрбээр эхлээд Модунг олж харж чадахгүй байснаа гэнэт харав бололтой мэхийн хүндэтгээд,
- Шаньюй таны амар амгаланг эрье гэлээ. "Өвгөн ч больжээ дээ. Олон жилийн өмнө бас чиг сайхан эр явж билээ. Манай энд ирээд нилээд удлаа. Харь газар ямар байдгийн зовлонг биеэр амсаж нэгийг боддог болоо биз" хэмээн Шаньюй бодонгоо,
- Ванд суудлыг нь зааж өг гэхэд Хийдоль "Энэ Модунг цаазаар авах ёстой байсан шөнө харийн улсын элчийг авч дайлж байтал золиг чинь оргочихсон билээ. Энэ хурилдайн үеэр надад оргох завшаан даанч алга байлаа. Суудал зааж өгч байгаагий нь бодвол өнөөдөртөө лав алчихгүй бололтой. Модун чи өтлөх тийшээ ханджээ" гэж бодох зуур зааж өгсөн суудалд нь суув.
Зарц барлагууд яах ийхийн зуургүй түүний өмнөх ширээн дээр чанасан тарган мах, идээ, дарс тэргүүтнийг нүд ирмэхийн зуур өрлөө.
- Олон жилийн өмнө Хан улсын элч танайд ирэх үеэр тантай хамт зоог барих завшаан олдож билээ гэж Модунг хэлэхэд Хийдоль ван бувар бувар зажилж байсан махаа гүрийсхийж залгиад,
- Тийм ээ. Хан улс найрсаг байгаагаа баталж элч ирүүлээд байсан юм. Тэгэхэд та миний хүндэт зочин байлаа гэтэл Модун үгийг нь тасалж,
- Үнэн л дээ. Тэгэхэд би босч зугатаагүй бол та бид хоёр дахин нүүр учраад байхгүй байсан байх аа гэхэд,
- Тийм ээ. Таныг зугатдаг яг тэр шөнө танай Таху вангийн явуулсан нэгэн мянгат манай хилийн дээсийг алхаж дайсан довтлов гэсэн дохио хоромхон зуур бидэнд ирэв шүү. Шөнийн цагт түүдэг асааж дохио өгдгийг таануус юу андах билээ. Гэвч бид таныг алдчихсан байв. Таны дараагаар юу болсон нь та нарт сонирхолтой биш. Танай талд болсон хэрэг явдал ч таануусынх гээд Шаньюйг харав. Тэр хол цагийн хүнд хэцүү үеийг нэхэн санаж суусан Шаньюй,
- Та одоо ямар бодолтой байна гэхэд,
- Хэрэв Шаньюй болгоовол өсч төрсөн газар шороондоо ясаа тавихсан гэж бодох юм гэхэд,
- Таны хүссэнээр болтугай. Танай талаас өдөрт мянганы газрыг сааталгүй туулдаг хүлэг морь арав, Мисир, Герег, Перс газрын алт мөнгө, Нанхиадын торго хоргой тэргүүтнийг нэгэн удаа өгч, цаашид манайд алба барьж байя гэж хэлүүлж байсан тул зөвшөөрсөн тухай элчийг өнөөдрийн дотор багтаан мордуулах болно гээд өндийв. Энэ бол МЭӨ 182 он буюу Хүннү нарын шинэ тооллын Морин жил байлаа. Эл хурилдайгаар он цагийг арван хоёр мөчлөг болгон Морь, Хонь, Бич, Тахиа, Нохой гэхчилэн амьтдаар төлөөлүүлэн нэрлэхийн хамт урагшаа мянган жилд хөөн аваачиж өвөг дээдэс болох Шаньжун, Хяньюнь, Хуньюй нарын үеэс эхлээд болсон үйл явдал, үүх түүхийг онолуулан нэхэж тэмдэглэхээр шийдсэн зэргийг Төрийн их дэвтэрт тэмдэглэн үлдээжээ.
Бас энэ хурилдайгаар Шаньюйн ахмад хүү Алашаныг үе залгамжлагч бөгөөд Зүүн гарын жукигээр, өөд болооч Гийгуны хүү Асланбөхийг баруун гарын жукигээр нэрлэж, шаньюйн бусад хүүхдүүдэд Луули ван хэргэм олгон Гюнченд Хэрлэн Туулын сав газрыг, Том Лууд түмэн газрын цагаан хэрмээс умар тийш их говийн газрыг, Бага Лууд Дунхугаас байлдан авсан газрыг эдлэн болгож өгсөн гэх ба улмаар төрийн их найр үүсгэн цэнгэцгээсэн ажээ.
Бас Дунху нарыг нэг мөр байлдан дагуулж тэдний эзэн Гайхатуг алж гавлаар нь хийсэн тоногтой аягыг Алашан эцэг Шаньюйд ялалтын бэлгэдэл болгон барьсан гэх буй. Гурван зуун тавиад жилийн дараагаар Дунхугийн удмын Сяньби /Сүмбэ/ нар гарч ирж Хүннү улсын мөхөөн Шаньюй нарынх нь булш, бунханг хөндөж өс хонзонгоо авах юм гэдгийг хэн ч үл мэдэх бөлгөө.

АЛТАН ТИТЭМ


Top
   
PostPosted: May.01.15 10:28 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 698
за маш сонирхолтой хэсэг бна, шороту-гийн хүү гээд байгаа Атилла , монголын нэртэй хаадын нэг Атилла мөн үү, яг хааны удам биш юм байх даа, Блоодоо баярлалаа


Top
   
PostPosted: May.03.15 3:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
МЭӨ 179 он буюу тахиа жил өнтэй сайхан өнгөрч, нохой жил залган улмаар хөхөө донгодож, нүүдлийн шувууд ганганалдсан дэлгэр зунтай золгоод байлаа. Уулын бэл ухаа толгодоор хонин сүрэг цайран налайж, голын захаар адуу үхэр багшран, эрэг шөргөөж шороо болсон толгойтой сарлагийн бух нааш цааш хөлхөн урамдах агаад дэл сүүлээ намируулсан азарга том болсон охин үрээ хасч хөөн, зайдуухан байх өөр сүрэгт нийлүүлэн аажуухан эргэж ижилдээ нийлэх ажээ. Наранд түлэглдэж бов бор болсон хүүхдүүд мөн л голын зах бараадан усанд шумбан зугаацна. Үдийн халуунаас бэрхшээсэн ноход сүүдэр бараадан урт хэлээ унжуулан аахилж, хашир суугаагүй зарим гөлгөн ноход унтаа чигээрээ хааяа хуцна. Амьд бүхэн өөр өөрсдөд нь ноогдсон хувь тавилангаа эдэлж, ялаа шумуул хүртэл амар заяа үзүүлэхгүй халуунтай нийлж зовоох боловч урин дулаан цагийн эдгээр элчийг ад шоо үзэх хүн үгүй юу гэлтэй. Зурамны чогчого гэх бяцхан шувуу идэш хөөж нүхнээсээ холдсон зурмыг унаж давхих нь инээдтэй агаад далавчтай атлаа зурам унаж давхидгийн учрыг хэн ч үл мэднэ.
Үнээ мал саах энэ тэр өглөөний ажлаа хумисан бүсгүйчүүд сүүгээ хөөрүүлж, ааруул ээзгийгээ тавиад санаа амран хаяанд хаясан хөмөн дээр хээв нэг унаж тооноор харагдах хурган цагаан үүлийг харж, элдвийг эргэцүүлэн байснаа дугхийх боловч сүү нь дэвэрч, гадаа тавьсан ааруул ээзгийг нь элээ шүүрэн хөөрхөн тэвдүүлж зовооно. Эрчүүд нь удаан хугацаагаар дайтах хэрэг гарсан үедээ эхнэр, хүүхэд, адуу малаа авч нүүдэллэж байгаа мэт явдгийг эс тооцвол голдуу хүүхэд хөгшидтэй цагийг нөхцөөх идэрхэн бүсгүйчүүд эр нөхөр, ах дүү, хүүгээ хүлээж элдвийг бодон түр зуур боловч ингэж хэвтэх нь юутай сайхан, юутай гунигтай.
Усанд шумбан хөгжилдөх хүүхдүүдийн цангинасан дуун, хааяа бух урамдах, хаа нэгтээ оройтож гарсан хашир бурхи хошгирохыг эс тооцвол эргэн тойрон нам гүм, чив чимээгүй, баяр хөөр, уйтгар гуниг, мөрөөдөл, уужрал хослон байвай. Энэ бол Хүннүгийнхний хувь тавилангийн нэгээхэн хэсэг ажээ. Тэд хэдийгээр хөдсөн дээл өмсч, хөмөн дээр хэвтдэг ч түмэн газрын урт цагаан хэрмээс шивэр их ойт нутаг хүртэлх ухаа толгод, уул нуруу, ой хөвч, онгон тал хосолсон эл эл газар шороогоо суурин зоны зөөлөн торго, ганган тансаг орд харшаар солиогүй бөгөөх харин суурин зоныхон "умрын газар жаргалтай" гэж үлийн цагаан шиг үе үе халин гарч ирэх буй.
Тэр жилийн зун Шороту вангийнх Туул голын дунд биед зусч байлаа. Вангийн өргөө хавиар хөл хөдөлгөөн ихтэй, дархны үйлийн гэх гэрүүдээс хүмүүс гарч орон нэг их найр хийж байна уу гэлтэй харагдах ажээ.
Хүннүгийн адуун сүргийн их ноён энэ хүнд дээд тэнгэрээс олон янзын явъяас билэг заяасны нэг нь алт, мөнгө, хүрлээр янз бүрийн чимэн эдлэл хийх явдал байв. Тэртээ нэгэн цагт түүний эцэг Хүрэлдэй, Шаньюйн "тамаг" хийсэн бол энэ удаа түүний хүү Шороту Шаньюйн алтан титмийг хийхээр санаа шулуудаж, өргөө хавьцаагаа тусгай гэр бариулан, гарын дүй сайтай хөвгүүдийг цуглуулж, хайлах, цутгах, ширэх ажилд ороод багш шавьгүй дор бүрийдээ махран зүтгэцгээж байлаа. Эл өдийн ажил алтан титмийн нарийн учрыг тайлах ярианаас эхэлжүхүй. Шороту ван өөрийгөө ширтэн сууцгаах шавь нараа тойруулж хараад,
- За хүүхдүүд ээ! Өчигдөр би таанууст титмийн дүрс, галбир ямар байх, хаана юуг нь гагнах, холбож ширэх талаар ярьж өгсөн. Өнөөдөр билэгдлийн талаар нь ярьж өгсү гээд наран жаргах зүгт байх Перс хэмээх улсын хаан Дарий гэгч өөрийгөө хаадын хаан гэж өргөмжлөөд цул алтаар хийсэн титэм өмсдөг байжээ. Манай Шаньюй дөрвөн зүг найман зовхисын дөчин аймаг улсыг эзэлж, эрхшээлдээ оруулсан аугаа их жанжин болох учир тэр Дарийгаас давуутай болохоос биш дутаад байхгүй. Тийм болохоор бид ирэх жилийн төрийн их найраас өмнө амжиж алтан титмийг хийж дуусгах ёстой юм гэхэд багачуудын арай ахмад нь бололтой нарийхан хуруутай, бүлтгэрдүү нүдтэй, урт үсээ сураар боосон хүү,
- Вантаан! Титмийг дуусгаад алт мөнгөн тоногтой эмээл хазаар хийж Шаньюйд өргөн баривал... гэтэл ван,
- Зүйтэй. Би бас тэгж бодож байсан юм. Ер нь чи хийх хэв маягийг нь бодож байгаад надад жич хэлсүгэй гэв.
Газар хөөрөг хийж, хусны нүүрс үлээлгэн бас улайдсан төмөр, зэс зэргийг давтах, усанд хийх гэх мэтээс үүсэн ууранд гэр дотор бүгчим халуун байлаа. Нөгөө хүү хөлсөө арчаад,
- Жа! гээд өөрт нь итгэл өгсөн ванд сөгдөв. Шороту ван эвлүүлэн гагнаж амжаагүй байгаа алтан титмийг гар дээрээ авч,
- Титмийн чанх орой дээр оюу толгойтой алтан шонхроо суулгах юм гээд асуух юм байна уу гэсэн хэвтэй бүгдийг тойруулан харав. Дув дуугүй ноогдсон ажлаа хийж суудаг бондгор бор жаал,
- Вантаан! Заавал шонхор байдаг нь ямар учиртай юм болоо гэж нухацтай асуухад,
- За чиний асуудаг зөвөө. Ямар учиртай юм хийж байгаагаа дархан улс мэдэж байх ёстой. Энэ ийм учиртай юм. Шонхор шувуу бол манай Хүннүгийн хорин дөрвөн аймгийн нэг болох Эртний Хуяань аймгийн сүлд болно. Шаньюйн удмынхан энэ аймгаас гаралтай тул сүлдийг манлайд нь залж буй болноо гэхэд хүүхдүүд амаа ангайн вангийн яриаг чагнаж байлаа. Ван шавь нараа дахин ээлжилж хараад жуумалзсанаа,
- Титмийн оройн чимгийг алтаар хийж, дөрвөн аргаль буй чоныг товойлгон гаргах юм. Чоно байдгийн учир бол манай Хүннүчүүдийн дээд удам саарал чононоос гаралтай гэдгийг хэлэх гэсэн санаа гэснээ асууж тодруулах зүйл байна уу хүүхдүүд ээ гэхэд вангийн эхнэрийн холын хамаатан айлаас ирсэн туранхай зэгзгэр хүү,
- Ах аа! ...ээ ...ээ, вантаан! Өндөр уулаар явдаг аргалийг талын чоно барьж байгаа цаад санаа юу юм бол гэв. "Энэ зэгзгэр ч уг нь юм сурч мэдэхээр юм шиг байгаа юм. Эхнэр маань уран хүн болохоор удамд нь гарын дүйтэй хүн байж таараа. Эхнэр маань надаас хоцрохгүй санаатай бас баахан сэвгэрүүд цуглуулчихаад ээрч нэхэх, хэрж хатгах үйл хийхээс өөр юмыг тоохоо болив. Чи тэр алтан титмээ хий. Алтан титмийг Шаньюйд өргөн барих ёслолын үед урьд хожид байгаагүй сайхан ширдэг бэлэг болгон баривал зүгээр юм. Түүнийг би оролдсу гээд тэр маань нойр хоолоо хасаад зүтгээд байдаг. Мөн ч сайхан эд хийж байна билээ. Уран даа, уран" хэмээн бодох зуур,
- Аргаль байдгийн учир уу гэснээ аргаль, аргаль гэж амандаа бувтнаад аргаль мөргөлдөхөд уул доргидог гэцгээдэг билээ. Тэгэхээр аргаль бол ер бишийн тэнхээтэй амьтан. Энэ амьтан өндөр ууланд байх боловч саарал чононд хүрэхгүй газар үгүй тул баригдмой гэсэн санаа юм. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл Хүннүчүүд дөрвөн зүгийн ямар ч хүчтэнг дарму, уул уулын орой дамжсан урт цагаан хэрэм ч бидэнд саад болохгүй гэсэн санааг хадгалсан болно гэхэд хүүхдүүд өвөр хоорондоо,
- Сонин юм аа.
- Вантангаар заалгаад энийг чинь би оролдвол яасан юм бэ?
- Ээ дээ, би чамаас арай дээр байлгүй.
- Үгүй ер, чи шонхрын толгойг тийм ч сайн хийгээгүйг вантан өөрөө засаа биз дээ?
- Тийм ээ, наадах чинь жаахан хөөрүү юм шиг байгаа юм. Түүнийг нь дарчихвал... гэтэл тэдний бие биеэ доргиож маргалдахыг чагнаж суусан ван,
- Хүүхдүүд ээ! Таануусын хэн нь ч миний заасан нарийн ширийн зүйлийг хийж чадна. Таануусыг Хүннүгийн хорин дөрвөн аймгаас шилж авсан тул буцаж очоод өөр өөрийн аймгийн вангуудын дэргэд шадарлан дархны газар нээх учиртайг ямагт санаж хичээн суралцваас зохино гэснээ, аа тийм, шонхрын талаар нэг зүйлийг нэмж хэлсү, юу гэвэл шонхрын толгой, хүзүү сүүл нь баруун зүүн тийш хөдөлж байхаар хийх ёстой. Энэ нь наран ээжийг өглөө мандахад хамгийн түрүүнд харж, орой жаргахад нь үдэж, өдөр шөнөгүй газар шороогоо харж хамгаалах гэснээс үүдэлтэйгээр хөдөлгөөнтэй хийх санаа төрсөн юм. Титмийн оройд суулгасан хойно шонхор маань тэртээ өндөрлөгөөс аргаль барьж буй чоныг ширтэж байгаагаар оноолдуулах юм. Энэ нь ямар учиртай вэ гэвээс шонхор тэнгэрт, чоно газарт ав адилхан хийморлиг байдгаар төлөөлүүлж "Хүннүчүүд бол газар тэнгэрээс заяан төрсөн" болохыг бэлгэдсэн ухаантай гэв. Титэм маань гээд өмнөө байгаа хэвийг авч ийм гурван тал хагас дугуй тойргоос эвлэж, гэр хэлбэртэй болох юм. Гэр хэлбэртэй байхын цаад учир нь Шаньюй бол өрх гэрийн, тухайлбал Хүннү улсын тэргүүн гэдгийг бүхэлд нь хэлж буй болно. Энэ гурвыг эвлүүлэхэд л гэр хэлбэрийг олно. Гурван тойргоос бүрдүүлж байгаа явдал бол Хүннүгийн Шаньюй, зүүн ба баруун гарын Жуки гагнаастай мэт байваас орон гэр маань мөнхөд оршму гэсэн санааг багтаасан юм. Энэ титмийн баруун зүүн хоёр талд морь, бар, угалз гурвыг товойлгон гаргана. Хүлэг морьд байгаа цагт бар мэт догшин, аргаль мэт хүчтэй дайсныг дарна гэсэн санаа. Ийнхүү титэм /Эл титэм 2200 жилийн дараа Алтайн чанадаас олджээ. Наран жаргах зүгт одсон Хүннүгийн удмын Гуннучууд үл мэдэгдэх хол газар одохдоо өвөг Шаньюйнхаа алтан титмийг сүүлчийн эзэнтэй нь газар шороондоо үлдээсэн буйзаа гэх сэтгэгдлийг төрүүлэх ажгуу/ маань олон билэгдлийн уулзвар хүндтэй эд болох юм аа гэснээ ер нь хийж байгаа юмны хэлбэр дүрс, хээ чимэг, өнгө үзэмжээр дархан хүний ур ухаан илэрдэг юм шүү хүүхдүүд ээ. Ухаан, нүд, гар гурав жигдэрч цэгцэрсэн хүнийг дархан хүн гэх буй гэлээ.
Жин үд болж гэр дотор бүгчим халуун байлаа. Хүүхдүүд хөлсөө дуслуулан амаа ангайн, вангийн тайлал яриаг сонсож сууцгаалаа. Дөшин дээрх халуун төмөр дээр хөлс дуслан байвай...
Хүннүгийн дайны адуун сүргийн их ван Шоротугийн хатан бас эгнэшгүй уран хүн байлаа. Шороту ван шавь нартайгаа тийнхүү хөөрөлдөн байх мөчид хатантан өөрийнхөө "үйл хийх" гэрт орж ирэхэд улаан хацартай, жартгардуу нүдтэй бор сэвгэр эхэлж,
- Хатан ээжий таны өчигдөр хэлж өгсөн ёсоор үүнийг дуусгаад байна гэж өмнөө байгаа хоёр алд шахам ширмэл ширдэгний төв хэсэгт нэвт ширж товойлгосон үүлэн хээг заахад хатан,
- Сайн байна. Сайхан болжээ гээд хажууд нь суугаа туранхайвтар, нүдэнд дулаахан сэвгэрт хандан,
- Алив чи хийснээ заагаад орхи гэв. Нөгөө сэвгэр ширдэгний эмжээрийн дотор талаар эргэн тойрон хэсэг зурвасуудыг ханалан түүн дээрээ ургаа моднуудын дүрсийг товойлгон ширснээ үзүүлэхэд хатантан бас магтан сайшаагаад гэрийн баруун хаяанд үйл хийж суугаа сэвгэрт ойртон мөрөн дээр нь бүлээн гараа зөөлөн тавьж,
- За сэвгэр минь юу болгож байна даа. Өчигдөр чи жаахан алдаж ширсэн байсан гэхэд сэвгэр хамрынхаа үзүүрт бөнжигнөсөн хөлсийг арчаад,
- Жа, хатан ээжий таны хэлснээр засаад одоо ноцолдож буй бас сарлаг хоёрын дүрсийг гаргаж эхлээд байна гээд улаан торгоор бүрж, хар хүрэн торгоор эмжсэн ширдгийг заав. Хатантан сэвгэрийн толгойг илээд,
- Болжээ. Гайхалтай сайхан болж. Чи ч тун уран хүн юмаа. Аав ээжид чинь хэл хүргүүлсү. Ирж үзэг гэснээ гэрийн зүүн талд үйл хийж суугаа бусдаасаа арай эгчмэд болов уу гэх алаг нүдтэй, урт үстэй цэвэрхэн бүсгүйн дэргэд очиж,
- Үйл бүтэг гэснээ чи ч бас уран бүсгүй юмаа. Энэ далайн яст мэлхий, загасны дүрс, цэцгийг тун сайн дүрслэн гаргасан байх чинь. Хадамд очсон хойноо гологдохооргүй болжээ гэхэд сэвгэрүүд хөхрөлдөв. Хатантан жуумалзсанаа,
- Сэвгэрүүд минь! Бидний бүсгүйчүүд чинь ажил үйл хийж чадахгүй бол баатар эрсдээ гологдоно шүү дээ. Наад зах нь дээл хувцасаа өөрөө оёод өмсчихдөг байх хэрэгтэй. Таануус нутаг усандаа очоод эсгий хийхээс өгсүүлээд ширдэг ширэх, гэрийн бүрээс оёх, оосор бүч томох арга ухаанд бусдыг сургах болно. Оёж ширэх хүртэл олон янз байдаг юм. Шагайлга оёдлоор эсгий малгайг оёход зохимжтой байдаг бол оймсны харааг өөр оёдлоор оёх жишээтэй. За тэгээд хахан холбоо, зангуу хатгаа, товгиж оёх, судсан угалз, дашмаг хээ, усны уялга хээ, чагтан хээ гээд үй олон оёдол байдгийн зах зухыг би таанууст хэлж заасан. Вантан ойрын өдрүүдэд үзнэ гэсэн тул шамдацгаагаарай. Бас удахгүй Шаньюй, Яньжитайгаа ирэх сураг байгаа тул нэг хоёр боловч ширдэг гараас гаргаад байя сэвгэрүүдээ гээд бүгд дээр ээлжлэн хараа тусгаж, бүхнийг татдаг сайхан инээмсэглэлээрээ уяруулж байлаа. Энэ баруун хойноос хэсэгхэн үүл гарч, шиврээ бороо буулган бүсгүйчүүдийн урлалыг мялааж байна уу гэлтэй олон өнгийн солонго татан өнгөрчүхэй./Тэдний урласан гайхамшигт ширдэг тэргүүтэн 2000 жилийн дараа Ноён уулын Үжүлю-жоди шаньюйн булшнаас олдож тив дэлхийн түмэн олны бишрэл гайхлыг төрүүлсэн билээ/


Top
   
PostPosted: May.03.15 11:07 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 698
энэ титэм, ширдаг эд хаа байгаан бол, үзэх юмсан, баярлалаа Болоодоо . ингэхэд нөгөө харгис зуун яасан бэ, өөр нууц нэрээр оруулаач


Top
   
PostPosted: May.05.15 12:01 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ТӨРИЙН ИХ НАЙР /наадам/
Модун шаньюй Хан улстай найрсаг байдлаа баталгаажуулан, баруун зүүн хилээ Юэчжи, Дунху харын халдлагаас хамгаалж дайтсаны дараа төрийн их найр хийхээр товлосон боловч Гийгун ван тулалдаанд алагдсан, бас хойт хил орчмоор орших Динлин, Гянь-Гунь, Цэй-Ли зэрэг аймгууд бослого гаргаж түйвээх болсон зэргээс найрын эсэргэн жилд хийхээр зарласан ёсоор Морин жилийнхээ зун Орхоны их цагаан тохойд, Луучен хотынхоо ойролцоо хийжээ.
Хүннү улсын төрийн их найрт оролцохоор Хан улсын эзэн хааны төлөөний гийчид, өрнө дорно зүгийн дөчин есөн аймгийн элч зардас гээд өдий төдий зочид Орхон голын үргэлжилсэн уудам дэнж дээр барьсан гэр, майханд буудаллан ээлж дараалан шаньюйд бараалхаж бэлэг сэлт гардуулах ёслол бараг арав гаруй өдөр үргэлжилсэн боловч харь газрын зочид нэмж ирсээр байлаа.
Хан улс мэтийн суурин зоны гийчдэд Хүннүгийн Лучен хот чамлалттай санагдавч бас чиг сонин хачин, өвөрмөц шийдлийг нь гайхацгааж, нүүдэлчдийн эдэлж хэрэглэж буй зүйлс, хөөрхөн бор хүүхнүүдээр нь нүд хужирлаж, орой болгон түүдэг асаан гал тойрон цээж хөдөлгөн дэвхцэн бүжих, чоно улих мэт уртаар уянгалуулан дуулах мэтийг нь үзэж сонсон уйдаж гунихын завдалгүй өдөр өнгөрүүлж байцгаавай.
Лучен хотыг арай товгордуу газрыг сонгон барьжхамгаалах зориулалтаар уртаараа гурван мянга, өргөнөөрөө мянга таван зуугаад алд ханан хэрмээр хүрээлсэн агаад гол хаалгыг чанх өмнө талд гарган хоёр талд нь том чулуун мэлхийг өөд өөдөөс нь харуулан байрлуулсан аж. Хэрэмний эргэн тойронд гүнээрээ алд гаруй, өргөнөөрөө гурван алд орчим суваг гаргаж Орхон мөрнөөс ус татаж гүйлгэсэн нь нэн сонин төдийгүй, цэрэг цуухын ач тустай гэцгээнэ. Хэрэмний дөрвөн өнцөгтгэр хэлбэртэй алсыг харах цамхаг /цонж/ босгосноос үзэхүл элдэв халдлагаас хамгаалах нарийн аргыг бодолцсон нь гарцаагүй ажээ. Ийм хэрмэн хотыг Онги голд барьсан төдийгүй Хэрлэн Туулын газар барьж эхэлсэн тухай сонссон элч зардасууд хэрэм барих болсон нүүдэл улсын хэтийн санаа бодлыг тандан мэдэх гэж мэрийцгээж байв.
Найрт оролцохоор ирсэн Хан улсын элч, зочдод Хүннүгийнхэн бусдаас давуу анхаарал тавьж, аль өөдтэй өнгөтэйгөө үзүүлэхийг хичээх аж. Мяралзан урсах Орхон голын тэнүүхэн дэнж дээр онцгойдуу барьсан цасан цагаан эсгий гэрт Хан улсын эрхэмсэг элч нилээд хэд хоног тааваараа саатаж, айраг сархад гүзээлэн, тал хээр нутгийн соргог өвс, ногооны гойд амт шингэсэн хонины тарган мах зооглож үдэш бүр туульс үлгэр сонсон өдөр өнгөрүүлж байлаа.
Далавчтай чоно, эвэртэй арслан, дан хайрс болсон аймшигт тас шувууны дүрс товойлгон урласан гоёмсог ширдэг дэвсч, сарлагийн үхрийн нуруун дээрээс базаж хотойлгосон үл мэдэх далавчтай амьтан, морьтон эрс, хээ хуар гарган чамирхсан хөшиг татсан гэрийн хоймор дахь майга хөлтэй ширээний ард сууж хүйтэн мах огтлон үмхэлж буй цагаан царайтай, цулцгар эр өөрөөс нь олон дүү болов уу гэхээр сөрөвгөр сахалтай хархүүд хандаж,
- Энэ Хүннү нар их сонин хүмүүс. Бид эднийг хэрцгий боол, бүдүүлгүүд гээд байдаг. Чи энэ сууж байгаа хивс, өнгөлсөн хөшгийг нь хар. Ямар их ур ухаан орсныг нүдээр үзсэн хүн л үнэмшихээс биш, үзээгүй хүн бол залж байна даа л гэнэ дээ гэхэд,
- Тийм ээ. Би ч энд ирээд хонь үхэр дунд л унтах юм бодож явсан шүү гээд оновчтой үг хэлэв хэмээн маг маг хөхрөв.
Үнэхээр ч Модун шаньюйгаас Хатан хаанд бичсэн нэг захидалдаа хонь үхрийн дунд унтсан энэ тэр гэсэн нэг ёгт санаа байсныг мань эр сонссоноо өөрөө хэлж буй болгож омойтохыг нь хашир эр юун эс андах билээ.
- Дүү минь! Дайснаас суралцах юм бас зөндөө байдгийг санаж явахад илүүдэхгүй шүү гэж элчтэн анхааруулаад, чи залуу хүн, ой ухаан сайн, хараа чинь хурц байгаа. Тийм болохоор энд үзсэн харсан юм бүхнийг сайн тогтоох хэрэгтэй.
Эднийхний хэлдгээр урт чихтэй бай гэсэн үг. Эднүүс цөмөөрөө хонь үхрийн дунд унтаад байдаггүйг чи харж байгаа биз дээ гээд сөхөөстэй үүдээр хол саахалтын хирд харагдах Лучен хотыг зааж тэр Луу хот гээч хэрмийг сайн тандаж байвал зүгээр шүү гэхэд сөөвгөр сахалт "одоо л гярхайгаа үзүүлэх мөч ирэв" ухааны юм бодож,
- Элчтээн! Би бүгдийг нь мэдэж авсан шүү гээд ширээн дээрх гүцтэй архинаас аягалан элчид барив.
- Чи аугаа их Хан улсын эзэн хааны элчийн шадар туслах хүн. Надад ямар нэг гай зовлон учирваас чи орлон эзний захиасыг гүйцэлдүүлэх ёстой. Ингэж ч Их тайган чи бид хоёрт хэлсэн шүү гэж элчтэн сануулахуйд "энэ удаагийн хэрэг зоригоо бүтээчихвэл эзэн хааны ордонд том алба хаших зам нээгдэнэ. Тайган ах сайн анхаарч болгоомжтой яваад ирээрэй, ирсэн хойно чинь учир бий гээгүй билүү. Ах намайг сонгож Эзэн хаанд айлтган мэдүүлж зөвшөөрүүлээд төрийн энэ чухал хэрэгт зарсан нь цаана нэг учиртай. Том албанд очоод ордны тэр сайхан амьтдаас нэгийг дэгээдчихвэл үү" хэмээн бодож амжсан сөөвгөр сахалт,
- Ойлголоо гээд сайхан бодолд автан чийхарсан хөлсөө алгаараа арчив. "Энэ жулдрай ч дээ... Наддаа таарсан амьтан. Их тайганы холын хамаатан юм болохоор хэтийг бодож том хэрэг даалгаа биз. Хэрэв чи өөр хүний зулбасга байсан бол чамтай ингэж зиндаархан үнэний дүр эсгэн суухгүй шүү дээ" гэж элчтэн бодох зуур,
- Чи хөө! Тэр гэр тэргүүдийг нь үзэж чадав уу. Би холоос харж байснаас биш тулж үзээгүй юм байна. Цэрэг цуухын зориулалттай эд болохоор элч хүн шууд очоод барьж үзээд байлтай нь биш. Ер нь ямархуу эд байна гэхэд сөөвгөр сахалт,
- Тал хээр нутагтаа тохирсон догь эд байна билээ. Зургаан үхэр хөллөдөг дунд зэргийн үхэр тэрэг байхад Шаньюйнх бол хоёр зургааг хөллөдөг гэцгээж байна билээ.
- Мөөн.
- Дайсан довтолж байгаа тухай хэл чимээ дуулдмагц өргөө гэрүүд нь тэр чигээрээ нүүж аюулгүй газарт сэлгэж бууж болдог юм байна. Манайхан бол хэрмэн дотроо сууж цагийн аяс харах, эвгүйтвэл удаан хугацаагаар бүслэгдээд... гэтэл элчтэн,
- Тийм ээ чи ер нь овоо сүйхээтэй эр болж мэдэх дэг ээ хэмээн онгирооход,
- Та хэлж байсан даа Лученийг сайн мэд гэж
- Тийм ээ нэгд нэггүй мэдэж авах юм шүү гэхэд,
- Эднийхэнтэй хутгалдаад хоёр ч удаа тэр Лученд нь орж мэдэж авсан шүү гэхэд элчтэн ихэд гайхаж "моньд чинь үнэхээр урт чихтэй бололтой. Ийм хүн сайн муу хоёр талтай байдаг даа" хэмээн бодонгуут,
- Төрийн найрын будаалга хийх юм гэсэн хаана хийх гэнэ, чи юм олж мэдэв үү? гэхэд,
- Мэдсэн. Маргаашийн морин цагт Лучендээ хийх юм гэнээ гэтэл элчтэн,
- Урьтаад жаал зугаа юм мэдэж байхгүй бол болохгүй. Чи энэ талаараа жаахан ярина биз. Ах нь эднийхний хэлдгээр "морь хараад ирье" гээд өндийв.
Элчийн дэргэд биеэ барьж суусан сөөвгөр сахалт түүнийг гарангуут архинаас хоёр удаа түлхүүхэн хүртээд "Энэ Хуннугийн хүүхнүүд үү... багаасаа морь унадаг болохоороо шилбээрээ майгадуу болохоос биш манай эзэн хааны ордны цонхигор туранхай хүүхнүүдээс дээр юм гээч. Өчигдөр надтай тааралддаг алаг нүдтэй, нүүрэмгий шинжтэй бор уу... Бас тэр Модунгийн охин. Мөн ч сайхан амьтан харагдсан даа. Төрийн найран дээр нь харах боломж олдох байгаа хэмээн тархинд нь харвасан сархдын аагинд мунагийн хорхойгоо хөдөлгөн суутал элчтэн орж ирээд,
- Чи залуу хүн. Эдний тэр хөөрхөн бор хүүхнүүдтэй орооцолдож төрийн зардас хүний ёс журам гажуудуулваа гээд янцаглан суув.
- Та юу ярина вэ. Би арай ч... гэтэл элчтэн үгийг нь тасалж,
- За за юун ч тунхирхуу билээ. Ер нь төрийн хэрэгт хэн ч ялимгүй юм гэж гоомой хандаж болохгүй гэдгийг л анхааруулж байгаа юм шүү дээ аа тийм тэр Лученд орж харснаа яриад орхи гэв. Сөөвгөр сахалт гэрийн хаалгаар Лучен хотын хоймор талд байгаа дэрэвгэрдүү дээвэртэй асар хэлбэртэй ордонг зааж,
- Тэр бол гол өргөө нь юм билээ гэхэд элчтэн архинаас нэг балгаад,
- Дотор нь орж үзэв үү гэхэд
- Үгүй ээ. Одоохондоо хүн оруулахгүй байгаа бололтой.
- Яагаад. Ямар учиртай гэнэ?
- Харь газрын элч гийчдийг гэнэт сайхан орд өргөөнд оруулан үзүүлж гайхуулах юм байх... ээ... хараад байхад манай Эзэн хааны морины жүчээнээс долоон дор юм байх чинь билээ гээд" лут юм хэлэв хэмээн дахиад маг маг инээхэд "ордны олхиогүй хүмүүсийн шээсний үнэр шингэсэн өмдний муу тасархай" хэмээн бодсон элчтэн иймэрхүү жулдрайтай зиндаархаж суугаадаа ой нь гутсан бололтой ярвайсхийснээ,
- Ингэхэд наадуулын өвөг дээдэс Түмэн газрын урт цагаан хэрмийг өөрсдөө босгоогүй ч биднээр бариулчихсан юм шүү. Бид түмэн газрын урт цагаан хэрмийг эмх замбараагүй дээрэмчдийн эсрэг биш ил харагдахгүй асар их далдын хүчтэй цэрэг улсын довтолгооноос хамгаалах үүднээс барьсныг залуу түшмэл юу эс андах билээ. Энэ Хунуу нар чинь юм сэдэхдээ гаргууд улс гэдгийг умартаж алгуурлаваас мөхөлтэй адил гэдгийг миний мэргэн багш ямагт сургадаг байсныг сануулсугай. Манайхаас бууж өгсөн нэг жанжныг Шивэрийн /сибирь/ газар суулгаж хүрээ хот байгуулж, Юэчжийн олзлогдогсодоор хэрмэн хот бариулж байгаа мэдээ байна. Тийм болохоор юуны учир нүүдэл улс хот балгад сонирхох болов гэдгийг танд гэснээс бус шоолж инээ гэж Тайгантан хэлээгүй байх аа гэхэд хатуу сархад далдуур хүртсэн сөөвгөр сахалт,
- Ингэхэд энэ бүдүүлэг амьтасыг магтаж таарахгүй байх аа гэж тультчихад элчтэн,
- Эрхэм туслах минь чамайг орхиод морь хардаг маань бурууджээ гэж егөөдөв.
Орхоны хөндийгөөр нэг морьтонгууд бужигналдан энд тэндгүй утаа май гарган, хонь мал муулж, хөл хөөрцөг болж буйг алсаас харж хэсэг зуур бодлогширон суусан элчтэн,
- За туслах минь! Дүү минь! эднийхэн "хананд хүртэл чих бий" гэж ярьцгаадаг юм шүү. Биднийг нийслэлээс гарч амжаагүй байхад хэн гээч, хэдэн хүн наашаа гарах гэж байгааг энд сонсчихсон байсан шүү гэж сэрэмжлүүлэн хэлэхэд туслахын толгойд гарсан сархад салхинд хийсэх адил замхарч духны нь хөлс чийхран эзэндээ загнуулсан нохой адил номхроод өгөв. Дээгүүр сүлбээтэйдээ эрдсэн сөөвгөр сахалтыг нэг мөр буулган авсан хашир элчтэн,
- Залуу хүнийг осолдож эндэх вий гэсэндээ хэлэв би гэж хуурамчаар тал засаад эрхэм дүү өнөөдөр өөр юу юу үзсэн тухайгаа ярихгүй юу гэлээ. Элчтэнгийн тал зассан үгэнд хууртсан сөөвгөр сахалтын дотор нь жаахан уужирч,
- Тэр Лучен хотын гол хаалганы зэргэлдээх хоёр буланд байгаа шавар байшингуудад амуу будаа, идэж уух юмаа хадгалдаг гэнэ гэхэд элчтэн аягатай сархдыг зааж наадахаасаа жаахан балгачих. Аяга аягаар хүртвэл үхэж мэднэ. Шимж уувал жаргана гэж хуучны үг бий гэхэд сөөвгөр сахалт чичирсэн гараар аягатайг авч нэг сайн балгаад,
- Дотор нь орж үзээгүй шүү. Ам ярианаас сонссоноо танд айлтгав гэхэд элчтэн,
- Тэр байшингууд дотроо зоорь энэ тэртэй юм болов уу. Идэж уух юм амархан муудмаар,
- Өвөлд үхрийн махыг нар салхинд хатааж борц гээч юм хийдэг гэнэ.
- Мөөн.
- Бас сүүгээр ааруул, өрөм, бяслаг гэх янз бүрийн юм хийдэг гэнэ.
- Мөөн.
- Эд нар чинь олон хоног сараар алсын газарт аян дайн хийгээд байдгийн нууц энд байдаг юм бишүү гэхэд элчтэнгийн нүд сэргэж "энэ газарт мөн ч олон ирж байсан мөртөө ийм зүйлийг ажиглаж учир начрыг нь олж байсангүй. Гэтэл энэ муу амных нь салиа арилаагүй жулдрай хүнээс сонссоныгоо хүртэл эргэцүүлж цэгнээд учрыг нь олчихсон байх юм" гэж бодоод нүд нь сэргэж сархаднаас балгаад,
- За байз яана гэнээ хө. Энэ чинь Эзэн хааны чихэнд хүрүүштэй, чимэгтэй үг байна. Ноднин Цинь улсын үеийн нэг зөнөг өвгөн энэ талаар ярих гээд можийсонд бүгд харамсаж байсансан гэснээ чи чинь ингэхэд... гэтэл сөөвгөр сахалт элчид ойртон,
- Энэ Хунну нар идэшний мал амьтан тууж явах энээ тэрээ болж өдөр хоног алдалгүйгээр олон мянган ли газрыг хоромхон зуур туулчихдагийн учир нь тэр борц, ааруул, ээзгий, айрганд байдаг юм бишүү гэж шивнэн хэлэхэд "энэ ч ёстой чухал мэдээ байна даа... дээдэст эхлээд би сонордуулахаас биш энэ жулдай... аа тийм би бас өөрөө сайтар ажиглаж байгаад сонордуулахад ч учир бий дээ. Хааны зөвлөх түшмэлийн зиндаанд хүрч болох зам нээгдэж байгаа юм биш үү" хэмээн бодоод жуумалзан донхолзож тэртээд дуниартах ухаа толгодын дээгүүр алсад хараа шидээд,
- Эрхэм дүү чи үнэхээр гярхай хүн юм гээд жоготойхон инээв...
Хүннү нар заналт дайснуудаа дарж эгнэшгүй их том гүрэн болж мандсан болохоор төрийн их найрын үеэр өөрийн аль өнгөтэй өөдтэй бүхнээ үзүүлэх нь нэр хүндийн хэрэг хэмээн шийдсэнээс эл наадамд дөрвөн зүг найман зовхисоос зочид гийчид урьж залсан ажээ.
Луу хотын зүүн талын үргэжилсэн ухааг наадамчин олон бүрхэж арай өндөрлөг дээр Модун шаньюй, түүний бараа бологсод, аймгуудын вангууд, цэргийн эрхтэн дархтан, харь орны зочид гийчид байраа эзлэн наадам эхлэхийг хүлээж, энэ тэрхнийг өвөр хоорондоо ярилцана.
Төдөлгүй чанх өмнөөс нум сум агссан нэгэн мянгат гэв гэнэт гарч ирээд ухаагийн бэлд эгнээ барин жигдрэн зогсохуйд тэднийг толгойлж явсан хээр морьтой, ахимагдуу насны хүн, маш гоё ганган хувцасласан арваад морьтон залуусыг дагуулан галигуулсаар Шаньюйн өмнө ирж цөм мориноосоо бууж сөгдөв.
- Наран, саран ивээлт Хүннү улсын Шаньюй! Чэньли Гуту /тэнгэрийн хүү/! Дайны хүлэг морьд, цэргийн наадам эхлэхэд бэлэн болов гэж ахимагдуу эрийг хэлэхэд,
- Эрхэм Шороту анд минь чамд гялайлаа. Эхэлтүгэй гэж Шаньюйг зөвшөөрөхөд Шороту ван залуу хүн шиг мориндоо сэвхийтэл мордон цэргүүд тийшээ давхин одох мөчид дайны их хэнгэрэг дэлдэн, бөө нар урьд бэлтгэсэн түүдгийг асааж дээд тэнгэр, өвөг дээдсийнхээ сүнс сүлд, наран ээждээ цөмөөрөө сөгдөн мөргөцгөөлөө...
Мөргөл дуусмагц хойт зүгээс нэгэн зуут морины хурдаар давхин гарч ирээд эгнэн жагссан мянгатын өмнүүр сум тусах зай барин хурдлахад Шороту ван дуут сум тавин "эхэл" гэсэн дохио өглөө... Мянган цэргийн угсраа суманд оногдохгүй, ирж буй сумны чимээгээр булт үсрэн зайлж нэг ч морь шархталгүйгээр тэртээ хөндий рүү тоос татуулан одохыг эр, эм, хүний өөрийнгүй бишрэн байтал бас нэгэн зуут гарч ирэх зэргээр харвасан суманд оногддоггүй түмтийг төлөөлсөн үзүүлбэр явагдаж зон олныг хөгжөөж байлаа.
- Шоротуг их ид шидтэй хүн гэж ярьдаг ч үнэн бололтой хэмээн Хан улсын элчтэнгийн дэргэд зогсож байсан Кян /түвд/ аймгийн зардсыг үг өдөж хэлэхэд цаадах нь түүнийг гайхан харснаа,
- Тийм ээ. Эцэг нь гайхалтай уран дархан хүн байсан гэдэг... ээ... ээ... та чинь манай хэлээр дажгүй сайн ярьж байх чинь гэхэд,
- Би танайд эзнийхээ зараалаар олонтаа очиж байсан. Тэгээд ойр зуурын юмыг танай хэлээр ярьдаг болсон юм л даа. Энэ хол газар ирсэн завшааныг ашиглаж тантай танилцах гэсэн юм гэхэд элчтэн түүнийг сэжиглэнгүйгээр харж,
- Тус болж чадах юм болов уу даа гэснээ "Энэ Кянчууд Хунну нарыг хэзээнээсээ үзэн яддаг улс. Алилхан л зэрлэгүүд байж. Хуннуд ялагдаж алба төлдөг болсон хараат аймаг гэдгийг нь гололгүй Модун эднийг найртаа урьсанд баярламаар... Тэгээд энэ муу амьтан бас Хан улсын эзэн хааны элчтэй эн зэрэгцээд зогсож байх гэж. Үгүй байз бас хэрэг болж мэдэх юм шүү. Хорыг нь маажвал унацтай байж мэднэ" хэмээн бодоод,
- Хэрэв танд зав зай байвал орой үдшийн цагаар хуучилж болох юм гэхэд Кян хүн толгой дохиод ялимгүй зай барив.
Дайны хүлэг морьдын наадам дуусмагц Шороту ван бүрэн хэрэглэлтэй, суманд оногддоггүй, жаднаас зайлдаг, эзнийхээ дохиогоор хэвтдэг, нүд булаам, тахийн удамт хул морийг өөрөө хөтөлж Модунгийн өмнө ирээд,
- Шаньюй! Энэ морь намайг олон удаа аюулаас аварч байсан хурдан удсын хүлэг. Улс гүрнээ, ураг төрлөө бодож жолоог нь чамдаа гардуулсу гэхэд Модун асар их баярлаж,
- Өсөх наснаас өтлөх нас хүртэл мартсаныг сануулж, санасныг гүйцээхэд гэгээн өдөр, харанхуй шөнийг ялгалгүй хамтран зүтгэж ирсэн анд чамдаа гялайлаа гэв.
Шороту вангийн дайны хүлэг гэгдэх сургуультай морьдын наадмын дараа түр амсхийгээд Вангийн хүү Атиллийн жолоодлогоор дөрвөн зүсмийн морьтой дөрвөн мянган цэргийн жагсаал болж сүрийг үзүүлэв. Эхлээд дан цагаан морьтон нэгэн мянгат ухаагийн цаанаас гарч ирээд давхиан дундаа харвахыг үзүүлсэн бол дараа нь гарч ирсэн дан хул морьтон цэрэг эрс жад шидэх, дараагийн алаг морьтон бугуйл хаях зэргээр дөрвөн зүсмийн морьтон цэргийн үзүүлбэр дууссаны дараа Шаньюй Атиллыг дуудан ирүүлж духан дээр нь үнсээд,
- Атилл чи цэргийн гарамгай хүн болохоо өнөөдөр харууллаа. Атилл чамд Их Данху хэргэм олгож зүүн, баруун гарын Жуки нарын дараа орох эрх дарх эдлүүлж байхыг тушааж байна гэснээр энэ өдрийн наадам өндөрлөжүхэй.
Төрийн их найрын хоёр дахь өдөр тахийн удамт мянган хүлэг уралдуулан, Хүннү улсын хорин дөрвөн аймгийн түмт тус бүрээс шалгарсан хоёр мянга гаруй эрс талцан морин дээрээс хатгалдан тоглож, дараа нь баатар эрсийн барилдаанаар өндөрлөж, гурав дахь өдрийнхөө морин цагт үдэлтийн зоог барих ёслол ёслолын өргөөнд болов. Зочид гийчид тарган хонины мах зооглон, айраг ууж, өнгөрсөн хоёр өдрийн наадам цэнгээний талаар өвөр хоорондоо шивэр авир ярилцан байтал,
- Одоо бүжигч бүсгүйчүүдийг оруултугай гэж найрын даргыг хэлэхэд их өргөөний гоёмсог эсгий үүд сөхөгдөж, дан хөх торгон тэрлэг өмссөн охид орж ирэн, наран ээждээ зориулсан уян налархай бүжиг хийж сонирхууллаа.
- Одоо Шороту вангийн адуучин хөвгүүдийг урин залж байна гэж найрын даргыг хэлэхэд Шаньюйн баруун гар талд дээгүүр суугаа вантан сэтгэл ханамжтайгаар буурал сахлаа шувтарч өмнөх ширээн дээрх хултай айргийг авч хэд балгав.
Гаднаас дайны их хэнгэрэг барьсан дөрвөн хархүү орж ирээд байраа эзлэн хэнгэргээ намуухан дэлдсэнээ улам хүч нэмж, түг түмэн морьдын төвөргөөн үүсгэхэд булчинлаг цээжин биеийг ил гаргасан хорь гаруй эрс давхилдан орж ирээд морь уургалж, булигуулж байгаа хөдөлгөөнийг илэрхийлсэн бүжиг хийж саран эцэгтээ мөргөн буйгаар төгсгөхөд харь орны элч зардас нарт таалагдсан бололтой өвөр хоорондоо шивэр авир ярилцан толгой дохицгоох ажээ.
- Одоо наран, саран ивээлт Хүннү улсын Шаньюй, хөрш Хан улсын элчийг сонсоё гэж байна гэж найрын даргыг хэлэхэд баруун талд бусад орны элч нарын тэргүүнд суугаа цулцгар цагаан эр аягатай сархаднаасаа нэг татаад өндийн Шаньюйд мэхийн ёслоод,
- Шаньюй! Танай төрийн их наадам бидэнд их таалагдлаа. Хэд хоног үргэлжлэх бол? гэхэд Модун ялимгүй займчсанаа,
- Хэрэв зээ Хан улсын Эзэн хааны эрхэм элч яарахгүй бол шинэ сар гартал үргэлжилнэ шүү гэхэд хүмүүс нирхийтэл хөхрөлдөв.
- Найрсаг улсын төрийн их найрт зориуд оролцуулж буй болохоор манайхан биднийг удлаа энээ тэрээ гэхгүй байх гээд эвгүй юм асуусандаа бантсан элч хөлсөө арчаад умрын их хөрштэйгөө эе эвтэй байхын баталгаа болгож, Ваньли Чанчэн хотын /цагаан хэрэм/ таван боомтыг нэгэн зэрэг нээснийг Шаньюй танаа сонордуулъя гэхэд Модун тааламжтайгаар толгой дохиж,
- Эрхэм элч ээ! Хан улсын худалдааны иргэд чухам юу сонирхож байгаа бол? гэхэд дотор нь уужирсан элч,
- Жа! Агт морь, амбан шар, арьс үс, хойт мөсөн орны үнэг, хүдрийн заар их хэрэгтэй байна. Хэрэв Шаньюй зөвшөөрвөл намайг дагалдан яваа худалдааны итгэлтэй иргэдтэй өөрийн төлөөний хүнийг уулзуулбал харилцан тохирч болох буйзаа гэхэд,
- Болно. Бололгүй яахав гээд Шаньюй хултай айрагнаасаа хэд балгав.
- Шаньюй! Манай эзэн төрд тэрсэлсэн боолчууд танай газрыг зорьж үй олноороо оргож босох болов. Тийм зальхай боолчуудыг буцааж байвал гэтэл Шаньюй элчийн үгийг тасалж нанхиадаар,
- Эрхэм элчтэн! "Муу хүмүүн" цөөрч байвал танайд тустай биш үү гэхэд Модунг нанхиадаар ийм цэвэрхэн хэлнэ чинээ бодоогүй элчтэн,
- Ээ... ээ... ээ Юу л даа гэснээ хоолойгоо засч манай орон болбоос газар шороондоо тариа тарьж амьдардагийг та юу эс андах билээ.
- Тийм ээ.
- Тийм болохоор хүн их хэрэгтэй. Тэгээд манайх ч танайх ч боол зарцаа алдаад байвал ямар байх билээ гээд "Энэ жартгар золигийг хэд хэдэн улсын хэл гадарладаг, хүний бодсоныг урьтаад мэдчихдэг гэдэг үнэн болов шүү. Хуан Тайхутай энх ураг барилдъя хэмээн элч ирүүлж байсныг бодоход аргагүй л алсын хараатай нэгэн бололтой. Их тайган юу гэлээ... гэлээ? Эе эвийг нь ол. Түг түмэн морьтон цэргүүд хормойдоо чирч авч ирвэл үү... гэсэн" хэмээн бодож амжаад,
- Сүүлийн үед танай талаас нэг биш удаа хилийн дээс алхсан явдал гарлаа гэхэд Модун,
- Өвөл цас зуд болж, алдуул малаа хайх энэ тэрээс болж цагаан хэрмэнд хүрсэн удаа бий. Энэ нь цэрэг дайны хэрэг биш болно гэдгийг Эзэн хааны сонорт хүргэсэн санагдана. Элчтэн угаас мөчөөгөө өгдөггүй бололтой.
- Шаньюй! Тэр эрэлчид чинь бараг хагас түмэн хүн байсан гэдэг шүү дээ гээд "дайснуудын нь дэргэд, харь аймгийн элч зардсын өмнө жартгар нүдтийг нэг мад тавилаа даа" хэмээн донхолзоход Шороту ван,
- Таны түрүүхэн хэлдэг танай тэр оргодол босуул гэдэг чинь мянга мянгаараа л хилийн дээс алхаж орж ирээд байгаа шүү дээ гэхэд байдал эвгүйтэж магадгүйг ухаарсан элч хуурамчаар инээн,
-Шаньюй! Танайхны хэлдгээр "муу нуухаар сайн илчил" гэсэн үг байдгийг санан шуудхан хэлэв. Ер нь гээндээ ч гоондоо ч байгаа бололтой гэж цэвэр Хүннү хэлээр хариулж тал засав.
Хүн улсын төрийн их найр үргэжилсээр...
Найрын төгсгөлд "Хүннү" уулын тахилга хийж наран ээж, саран эцэг, этүгэн дэлхийдээ сөгдөн мөргөөд ёслол үйлдсэн ажгуу. "Долоон ус"-ны хөндийгөөс Хянганы уулс, Шивэр их ойт газраас Түмэн газрын цагаан хэрэм хүртэл газар шороонд төрийн үндсээ ургуулсан Хүннү хэмээх байлдаант их улсын эзэн Модун шаньюйн тэргүүн дээрх алтан титэм толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөгтгөсний бэлгэдэл болон ургах нарны туяанд гялалзан байлаа тэр өдөр.

ТӨГСӨВ
17-р жарны Төмөр луу жилийн намрын тэргүүн сарын 18-нд бичиж дуусгасан
Бондол овогт Чимэдлхагваагийн Хаянхярваа


Top
   
PostPosted: May.05.15 12:04 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
"Харгис зуун"-аа янзалж дуусаагүй байна аа. Амархан хэрэг биш байдаг шүү.. ккк
Харин энэ номын төгсгөлд "Хүннүгийн түүхийг нэхэн хөөсөн минь" гэх эсээ тэмдэглэл, товчхондоо зохиогчийн өөрийнх нь судалгааны товч тэмдэглэл байна. Сонирхоно гэвэл оруулъя...
᠎Ер нь Хүннүгийн түүхийн талаар унших харах юм ховор байдаг байх аа.


Top
   
PostPosted: May.05.15 8:02 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Тэр тэмдэглэл нь уншихгүй өнгөрөөж болохооргүй сонирхолтой юм байхын. Оруулахаар шийдлээ.


Top
   
PostPosted: May.05.15 8:03 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
ХҮННҮГИЙН ТҮҮХИЙГ НЭХЭН ХӨӨСӨН МИНЬ /эсээ тэмдэглэл/
"Модун шаньюй" хэмээх түүхэн романыг хүний өөрийн орны түүхчид, судлаачдын бүтээлийг унших хэрэг аяндаа гарч, тэмдэглэл хөтөлснөө залуу үед маань хэрэг болох болов уу гэж эл романдаа хавсаргаж байна.
МЭӨ 3-2-р зууны заагт Хүннүчүүд их говийн урд талаар Шар мөрний бор тохой, Ордос газраар нүүдэллэн амьдарч байгаад 2-р зууны сүүлчээр Түмэн шаньюйн үед одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт ирж төр улсаа байгуулсан ажээ.
2000 жилийн тэртээ бичсэн Хятадын түүхэн сурвалж, тухайлбал Сыма Цяны бичсэн "Ши-Жи" хэмээх түүхэн тэмдэглэлд анх Хүннүчүүдийн тухай тодорхой өгүүлсэн байдаг байна. Тэрхүү "Ши-Жи"-д МЭӨ 85 он хүртэлх урт хугацааны түүхэн үйл явдлыг багтаасны дотроос МЭӨ 209 онд Хүннүгийн шаньюйн ширээнд суусан Модунгийн угсааны хоёр ч Шаньюйн үеийг хамарснаараа Хүннүгийн мандан бадралын тоймыг гаргаж болох анхны дурсгал бичиг яах аргагүй мөн аж.
Түүнчлэн МЭӨ 206 оноос МЭ 9 онд тогтнож байсан Хятадын Цянь Хан, МЭ 9 оноос 220 онд тогтнож байсан Хоу Хан улсын түүхийг багтаасан "Хан Шу" хэмээн он дарааллын бичигт байдаг нь Хүннүгийн тэр хугацааны үйл явдлыг мэдэж болох бас нэг эх сурвалж юм байна.
Гурав дахь эх сурвалж бичиг нь Ухань, Сяньби /Сүмбэ/, Хүннү нарын талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлсэн "Гурван улсын түүх" хэмээх түүхэн тэмдэглэл байдаг байна. Эдгээр баримт бичгүүд нь Хүннүгийн талаар ойлголт авч болох гол эх сурвалжууд хэдий ч түүхийн бүхий л цаг үеийн турш нүүдэлчдийн эсрэг тэмцэж байсан дайсных нь хаадын ордонд бичигдсэн болохоор хуудуутай зүйл нилээд байдаг гэж судлаачид үзсэнийг энэ дашрамд тэмдэглэхийн хамт энэ талаар хойно бага сага дурдах тул үл өгүүлсүгэй.
2000 жилийн тэртээ Ази тивийн ихэнхийг эзэлж Хятад улстай эн зэрэгцэн оршиж байсан Хүннү хэмээх аугаа ард түмэн хаанаас гаралтай, ямар угсаа аймгийнх болох, гэв гэнэт ялан мандаж гарч ирсэн түүхэн нөхцөл байдал, хэл яриа, хэв заншил зэргийг судлан тогтоох ажил ердөө 250-аадхан жилийн өмнөөс эхэлсэн тул бусад салбарын бодвол яах аргагүй нялх байна гэж хэлэх үндэстэй ажээ.
1778 онд франц улсын иргэн Дегинь гэдэг хүн Хятадын түүхэн эх сурвалжийг судалж, Түрэг, Хүннү нарын гарлын тухай ном гаргаснаар Хүннү судлалын эх тавигдсан гэдгийг эс тооцвол 20-р зууны эхэн үе хүртэл энэ талаар анхаарал татахуйц дорвитой мэдээлэл гарч байгаагүй юм байна. Чухамдаа тэр үеэс эхлэн Хүннүгийн гарлын тухай ихээхэн шуугиан дэгдэж, урьд нэгэн цагт европ тивд хүрч, Ромын эзэнт улсыг донсолгосон Гунну нар бол Ази тивд төр улсаа байгуулж, мандан бадарч байсан Хүннү нарын удам мөн эсэх талаар маргацгаасан нь Хүннү судлалд түлхэц өгсөн юм байна. Хүннү, Гунну нар гэдэг нь гарал нэгтэй аймгийнхан болохыг эдүгээ нотолсон ажээ. Бидний өвөг дээдэс Хүннүчүүд үүх түүхээ бичиж үлдээсэн сурвалж хадгалагдан ирээгүй ч айлас эрэхээр авдраа уудалбал бас чиг арвин их дурсгал байдаг юм байна. Алтайн чанад дахь долоон усны хөндийгөөс Манжуурын толгод, Шивэр их ойт газраас Түмэн газрын урт цагаан хэрэм хүртэлх өргөн уудам газар нутагт хадгалагдан үлдсэн нүүдэлч зоны байлдаант их гүрний мөнхийн дурсгал бол Хүннүгийн үеийн булш бунхан, хөшөө, хот балгадын туурь, хадны сүг зураг, бичээс зэрэг ил далд буй гайхамшигт ул мөр яах аргагүй мөн. Жишээ нь: Хүннүгийн шаньюй нарын ихсийн газар нь Хараагийн ноён ууланд байдаг бол Хүнүйн гол "Гол мод", Манханы "Тахилтын шил" зэрэг газарт эвэртэн туурайтнуудын нь оршуулга байгааг эдүгээ нээн олж судалгаа шинжилгээний эргэлтэд оруулжээ. Хүннүгийн хэл соёлын талаар эрдэмтэд ихэд маргалдаж, янз янзаар тайлбарлахыг оролдон, цөөнх нь тэднийг түрэг хэлтэн, дийлэнх нь ялангуяа Хүннүтэй хаяа нийлэн оршиж, тэдний түүхэн арвин их дурсгалыг хадгалсан Хятадын судлаачид монгол хэлтэн хэмээн үзэж нотолсонтой эдүгээ дэлхийн эрдэмтэд санал нэгдсэн байна.
Эрин зууны босгон дээр Ази тивийн өргөн уудам тал нутагт нүүдэл олон аймаг улс оршин байж, амьдрахын эрхэнд эвсэлдэн нэгдэх, эргэж тулалдах, нийлж уусах, тасарч төрхөө олох зэргээр явагдсан тэмцлийн үр дүнд давамгайлан гарч ирсэн нь Хүннүчүүд байжээ. Түүнээс хойш эл орон зайд Сяньби /Сүмбэ/, Түрэг, Уйгар, Кидан эцэст нь монгол туургатан улс тогтохдоо хэл соёлын хувьд нэг нэгнээсээ залгамжлан авсан зүйл багагүй байдаг тул Хүннүгийн түүх соёлын дурсгалд түрэг үг бичээс тааралдваас Хүннүчүүдийг түрэг хэлтэн байсан гэж өрөөсгөл дүгнэх нь зүйд үл нийцнэ. Тэр цагийн нүүдэл олон аймгийн зонхилох нь монгол хэлтэн, Хүннүгийн тэргүүлэх аймаг нь Хуянь /Хиядь/ шаньюй нар нь энэ аймгаас гаралтай, хятадын он дарааллын бичигт байгаа зарим үг монгол хэлний үндсийг хадгалсан зэрэг нь Хүннүчүүд Монгол хэлтэс байсныг давхар баталдаг юм байна. Манж чин улсын түүхч Юян Сянь Цянь гэгч Хятадын түүхийн эх сурвалжуудыг хянан үзээд Хүннүгийн хэл бичиг нь Хятадынхтай адилгүй гэсэн бол МЭӨ 250-245 онд Фунань /Кампуч/ газар эзэн хааныхаа зараалаар очиж байсан Хятадын элч буцаж ирээд "Фунаньчууд ном судраа тусгайлан хадгалдаг, тэдний бичиг нь Хүннүгийн бичгийг санагдуулж байлаа" гэж илтгэл айлтгалдаа бичсэн байдаг аж.
Академич Ч.Далай "Хүннү нар бичиг үсэгтэй байсныг батлах бас нэг баримт бол Хүннү нар европ тийш нүүж очсоны дараа удаан хугацаагаар Хүннү бичгээ хэрэглэж явсан явдал юм" гэсэн буй. Хүннү нар чухам ямар төрлийн бичиг хэрэглэж байсан талаар олон янзын таамаглал байдаг боловч сүүлийн үеийн судалгаануудад "руни" бичиг хэрэглэж байсан гэдэгтэй санал нэгдэж, нотлох баримтыг гаргасаар байна.
Монгол туургатны гал голомт өдгөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт элбэг тохиолдох гэрэлт хөшөө, археологийн дурсгалуудад хадгалагдан үлдэж ирсэн дэлхий дахинаа Орхон-Енисейн хэмээн нэрлэгддэг Алтайн язгуур хэлний эртний бичгийг "руни" гэдэг ба тэрхүү бичгийг Хүннү нараас гаралтай гэж үздэг ажээ.
Археологич Д.Наваан нарын эрдэмтэд 1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт Хүннүгийн үеийн булш малтаж археологийн олон тооны зүйлс олсны дотор хөөмөл аргаар хийсэн алтан эдлэл, руни үсэг бүхий алтан хүний цээж дүрс олсон байна. Уг руни үсгийг эрдэмтэн Б.Сумъяабаатар Финик, Герег, Арамей, Этрус, Еврей, Кипр, Уйгар, Монгол, Солонгос, эртний Түрэг зэрэг 20-оод төрлийн үсэгтэй зэрэгцүүлэн судлахад "Хаану /шаану/ тамга" гэж Монгол, Түрэг хэлтний аль алинд нь ойлгогдох үг болохыг тайлж уншсан байна. Тэгэхдээ энэ нь дардаг тамга бус хааны малгай дээр хаддаг, монгол хэлнээ сар хэмээн нэрлэгддэг, бичиг зохиолд "Алтан бурхан" хэмээн гардаг хаан /шаньюй/ хүний баталгаа буюу Хүннүгийн шүтээн гэж үзсэн байна.
Хятадын "Хойт төрийн түүх" хэмээх сурвалжид Хүннү улсын их жанжин нар бичиг сайн мэддэг байсан гэж бичсэн нь бий ажээ. Хятадын "Вэй-ши" хэмээх түүхэн сурвалжид хятад үсгээр хүннү хэлээр тэмдэглэсэн "Сю жи Ти-лей-гянь Пү-гү Та-гу-дань гэсэн өгүүлбэр байгааг академич Н.Ишжамц "дилэгэд Пүгү тагугдана" гэж тайлан уншаад дилэгэд гэдгийг одоо ч монгол хэлэнд хэрэглэж байгаа жилийх, талийх, тагугдана гэдгийг туугдах, зугтаах гэсэн үг хэмээгээд Сүжи гэдэг нь цэрэг гэсэн утгатай, одоо хэрэглэгдэхээ больсон монгол үг, Пүгү гэсэн хүний нэр сурвалж бичигт цөөн биш тааралддаг гэж тайлбарласан байна.
Энэ бүхнээс үзэхэд Хүннүчүүд өөрийн бичиг үсэгтэй байсан нь гарцаагүй бөгөөд харамсалтай нь нүүдэл улсууд бичиг соёлын дурсгалаа хадгалах боломжоор тун хомс байснаас тэр нь эрин цагийн уртад гээгдэн үрэгддэг байжээ. Хүннүчүүд бүх үеийнхээ турш дан ганц мал аж ахуй эрхлээд нүүдлээр амьдарч байсан бус бас хот суурин босгож, газар тариалан эрхэлж байсныг Х.Пэрлээ нарын археологичид нэгэнтээ тогтоосныг энд үл нуршлаа.
Хүннүгийн төр үүсэх урьдчилсан нөхцөл чухам хэдийд бий болсон гэсэн асуултад А.Дамдинсүрэн "Хүннүчүүдийн төр нь бүүр эрт хүрлийн хөгжлийн явцын гүнд бэлтгэгдэн мал бэлчээр эзэгнэх хувийн өмчийн зөрчлийн үр дүнд бий болжээ" гэсэн байна.
Дээр дурьдсан Хятадын "Ши-Жи" хэмээх түүхэн сурвалжид тэмдэглэснээр бол МЭӨ 2000 жилийн урьд Шаньжун, Хяньжун, Хуньюй гэдэг аймгууд умард хил залгаа нутагт нүүдэллэн амьдардаг гэж бичсэн байдаг агаад Хүннү судлаачдын үзэж байгаагаар МЭӨ 3000-аад жилийн тэртээ байсан Хятадын Тан улсын үед Хүннүгийн өвөг дээдсийг Хуньюй, МЭӨ 1127-247 онд байсан Жоу улсын үед Хяньюнь, МЭӨ 246-206 онд байсан Цинь улсын үед Хүннү гэж нэрлэх болсон ажээ.
Түмэн газрын урт цагаан хэрмийг Жоу улсын үед анх барьж эхэлснээс үзвэл Хүннүгийн өвөг Хяньюнь аймгийнхан зүгээр малаа дагасан нүүдэлчид байгаагүй, хүчирхэг дайнч аймаг байснаас л хаалт хэрэм босгож эхэлсэн нь мэдээж юм. Харин Цинь улсын үед Хүннүчүүд Түмэн шаньюйн гар дор нэгдэж, төр улсаа байгуулах үе шатанд орсон боловч тэрбээр залуу яньжийнхаа /хатан/ эрхшээлд орсон, эх тусдаа ууган хүү Модунгаа барьцаанд явуулан отгон хүүгээ үе залгамжлагч болгох гэх зэргээр төрийн хэрэгт хайнга хандах болсон, бас өмнөд хөрш Цинь улс хүчирхэгжин уугуул ус, суугуул нутгийг нь түрэмгийлэн эзлэхээр их цэргийн хүчийг хөдөлгөсний эсрэг зогсох зүрх гаргалгүйгээр умрыг зорин их нүүдэл хийж амиа аргацаасан зэргээс болж дотоодын тэмцэл ширүүсч улмаар барьцаанаас босч ирсэн хүүдээ алагдсанаар Хүннүгийн төр эргэж эрс шийдэмгий Модунгийн захиргаанд нэгдэн түүнийг шаньюйгаар өргөмжилснөөр хэтдээ Хятадын Хан улстай эн зэрэгцсэн хүчирхэг гүрэн болон мандсан түүхтэй билээ.
Миний бие чухамдаа Хүннү улс бүрэлдэн тогтож, хүчирхэгжсэн зурвасхан үе буюу Модун шаньюйн хаанчлалын үеийг хамруулан "Модун шаньюй" хэмээх түүхэн романы хоёр дэвтэр, бас "Модун хаан"-ы цадиг намтрыг чадан ядан бичиж дуусгасан бөгөөд хэрэв та уншсан бол 2200 жилийн тэртээ Хүннү гэдэг аугаа их гүрнийг байгуулсан Модун шаньюйн тухай бага боловч мэдэж авсан буйза. Тийм болохоор Модун шаньюйн тухай энд дахин нуршихаас зайлсхийж Модун шаньюйгаас хойш төр барьсан арван найман шаньюйн тухай товч дурьдах нь сонирхолтой болов уу гэсний учир үүх түүхийг нь ялимгүй хөөж үзсэн болно. Энэ бол судалгаа биш бөгөөд нэр бүхий романыхаа төгсгөл болгон эсээ маягаар хавсаргаж буй тэмдэглэл болно.
А.Амар гуай "Монголын товч түүх" гэдэг номондоо "Монголын түүхийг чухам хэдийнээс авч бичих билээ хэмээвээс хялбарыг бодвол үүнээс урьд долоон зуугаад оны /жилийн/ үесэд бидний Монгол үндэстний дотроос мандаж, Ази, Европын ихэнх хувийг нэгтгэсэн Чингис хааны үеэс эхлэн бичих болно.Тийм боловч долоон зуугаад оны үед тэр мэт хүчирхэгээр мандаж байсан Монгол үндэстэн нь гагцхүү тэр үед сая шинээр үүсэн буй болсон бус, эрх биш хүн төрөлхтөн анх ярих хэлтэй болсон цагаас эхлэн монгол хэлээр хэлэгч нэгэн хэсэг тусгай үндэстэн аймаг байсаар ирсэн нь хэзээд сэжиггүй үнэн хэрэг тул хэрэв тийнхүү Чингисээс эхлэн бичих төдий болвоос түүнээс урагших Монгол үндэстний түүх хоосноор орхигдоход хүрнэ..." гээд одоогийн Монгол улсын нутаг дээр олон улс аймаг дараалан оршин тогтнож байсны дотроос Монголчуудын өвөг дээдэс Хүннү нар эн тэрнүүн улс болж тогтсон болно хэмээн бичсэн байна. Харамсалтай нь одоо хүртэл Чингис хааны үеэс л Монголын төр тогтсон мэтээр өрөөсгөл бичиж ярьсаар буй нь гажуудал яах аргагүй мөн. Манай улсын нэр цуутай эрдэмтэд Ц.Доржсүрэн, Х.Пэрлээ, Д.Наваан нарын дорвитой сайхан бүтээлүүд байх боловч тэдгээрээс үүдээд өндөр өвөг Хүннү нарынхаа түүхийг бодитойгоор нэгтгэн гаргасан зүйлгүй, Чингис хаанаас мянга гаруй жилийн өмнө Хятад улстай эн тэнцүү айл улс болж дипломат харилцаа тогтоож чадсан аугаа их жанжин, төрийн зүтгэлтэн Модун шаньюйн тухай хэлж ярьж бичихгүй байгаа явдал бол А.Амар гуайн хэлсэнчлэн Чингисээс урагших түүхээ орхигдуулж буй хэрэг.
Манай эрдэмтэн судлаачид, хойч үеийнхэн маань өвөг Хүннүгийнхээ түүхийг жинхэнэ ёсоор гаргаж тавих, өргөн хүрээтэй ажиглалт судалгаа явуулах, ил ба далд дурсгалыг тайлах цаг ихэд ойртсон ч хэзээ бол гэж хүлээлгүй Ц.Доржсүрэнгийн "Умард Хүннү", Д.Наваан, Ч.Далай, Х.Пэрлээ зэрэг эрдэмтэн мэргэдийн бүтээл, Оросын эрдэмтэн, Монгол судлаач Л.Н.Гумилёв гуайн "Хүннү", "Хятад дахь Хүннүчүүд" гэдэг сайхан номыг гарын авлага болгон ашиглаж, энд тэндээс нь хамж шимж энэ тэмдэглэлийг эвлүүлж байгаа ухаантай. Дашрамд тэмдэглэхэд Б.Даш-Ёндон тэрхүү Гумилёв гуайн бичсэн "Хүннү" гэдэг номыг нь орчуулсан явдал ихэд буянтай үйлс болжээ.
Хятадууд 2000 гаруй жилийн тэртээ түмэн газрын урт цагаан хэрмийг 20-р зуунынханд үзмэр болгон үзүүлэхээр үй түмэн хүний амь нас, тоолж баршгүй эд хөрөнгө хаяж байж босгоогүй нь мэдээж бөгөөд Ху хэмээх нүүдэл аймгуудын довтолгооноос хамгаалж умард хил дээрээ босгосон түүхтэй билээ. Өнөөдөр бид цагаан хэрмийг үзээд гайхан шагширдаг болохоос биш хэрмийг босгоход нөлөөлсөн аугаа их хүчин зүйлийн талаар ярьдаг билүү, үгүй билүү. Тэр хүчин зүйл бол нэгэн захиргаанд нэгдсэн Хүннү гүрэн байлаа. Цагаан хэрмийг барьж хилийн заагаа тогтоогоод МЭӨ 198 онд Хятадын эзэн хаанаас Модун шаньюйд нот бичиг ирүүлж, "Цагаан хэрмээс хойшхи нум сумтангууд шаньюйн цаазыг дагасугай. Хэрмээс дотогших дээл малгайт улсыг би захирсугай. Хан /Хятад/ улс, Хүн улс эн тэнцүү айл улс" гэж Хүннү улсыг хүлээн зөвшөөрсөн байхад Монгол гэж зөвхөн Чингисийн үеэс түүхтэй мэтээр бид эх түүхээ өөрсдөө гажуудуулсаар өнөөг хүрчээ.
Манай эриний босгон дээр Мисир, Герег, Перс, Хятад, Хүннү гэсэн хэдхэн улс байснаас бус өнөөдөр аугаа их гээд байгаа улсуудын сураг ч байгаагүй байхад бүдүүлэг ч гэнэ үү, нүүдэлчид ч гэнэ үү ямартай ч төр улсаа байгуулсан ард түмэн бол Хүннү нар байлаа. Бидний өвөг дээдэс болох Хүннүчүүд байнгын дайн тулаан, нүүдэл суудлаас болоод үүх түүхээ бичсэн ном судраа хадгалан өвлүүлж чадаагүйн харгайгаар дайсных нь архиваас эрэхэд хүрэх явдал ямагт өрөөсгөл ойлголтыг өгч ирснийг залруулах цаг болсон санагдана. Тэрчлэн Хүннүчүүдийн хот балгадын туурь, булш бунхан, эд өлгийн дурсгал өдий төдийгөөрөө байгааг тал талаас нь судалж, танин мэдэхүйн эргэлтэд оруулах талаар тун дутмаг анхаарч ирснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хятадын эх сурвалжид Ху нар гэгдэх нүүдэл аймаг улсуудын талаар өрөөсгөл, заримдаа хэт муучилсан гэмээр заримдаа хэт дөвийлгөсөн гэмээр мэдээ сэлт байдаг ажээ. Үнэхээр ч өөрийн орны болон бусад улсуудын эрдэмтэд судлаачдын бүтээлээс сонирхон хайж байхад Хүннүгээс өгсүүлээд дараа дараагийн нүүдэл улсуудын тухай тиймэрхүү санаа цухалздаг болохыг олж мэдсэн билээ.
Жишээлбэл: МЭӨ 2000 онд Хятадын Хан улсын Гао-Цзу Лю Бан эзэн хаан Пинчен хотын дэргэд Модун шаньюйн цэрэгт бүслэгдээд "энх ураг" барилдаж байж мултарсан үнэн түүх байтал хожим "Ши-Жи" хэмээх он дарааллын бичигтээ Модун дөрвөн буман цэрэгтэй байсан тул Эзэн хаан арга буюу бүслэгдсэн гэснийг түүхчид тухайн үеийн хоёр улсын хүн ам, эдийн засгийн байдал, Пинчен хот байсан газрын байрлал зэргийг судлаад наад зах нь тус хотын орчимд 400 мянган хүн, морьтой юутай хээтэйгээ багтах боломжгүй, тэгээд бас Эзэн хаан дор хаяж 100 мянгаас доошгүй цэрэгтэй байсныг нэмбэл санаанд багтамгүй явдал болох билээ гэсэн байна.
Мөн нүүдэлчид бол хонь малынхаа аясыг дагаад бэлчээрийн соргогийг хөөж явдаг, бичиг соёлгүй бүдүүлэг гэхчилэн басамжилсан өнгө аястайгаар тэмдэглэгдсэн байх учир бүхэлд нь итгээд байвал нэгэн цагт Ази тивийн талыг эзэгнэн байсан Хүннү хэмээх хүчирхэг ард түмнийг доромжилсон хэрэг болохыг соёлт хүн төрөлхтөн ухаарч байсан ч Хятадын түүхийн сурвалж, Гунну хэмээх нэрийн дор Европ зүгт очиж донсолгосон Хүннүгийн удмын Атилл хааны тухай домог төдийгөөр танин мэдэхүйн хүрээ нь хязгаарлагдаж байлаа. Үүгээр Хятадын эртний ховор нандин түүх судрын ач холбогдлыг бууруулж байгаа хэрэг биш бөгөөд Хүннү зэрэг нүүдэл аймаг улсуудын тухай асар их мэдээллийг нарийндаа тэндээс шүүрдэн олдог билээ. Чухамдаа 13-р зуунд бичигдсэн "Монголын нууц товчоо" Бээжингийн номын сангаас олдож түмний хүртээл болсон үүний гэрч мөн.
1912 онд Хараа, Ерөө хавиар алтны хайгуул хийж байсан "Монголор" нэртэй гадаадын нэгэн нийгэмлэгийн ажилтан Баллод гэгч Ноён уулын Сүжигт, Журамт, Хужиртын гэх зэргэлдээ гурван амуудын эхэнд олон тооны хонхор байхыг ажиглаж эрт нэгэн цагт эндээс алт авч байсан байх гэж таамаглаад Журамтын амны эхэн дэх хамгийн том хонхорхойг ухсан байна. Гэтэл энэ нь юу байсан гээч. Алт авч байсан газар бус эрт цагийн булш байсан аж. Энэ булшнаас алт, төмөр, зэсээр урласан элдэв чимэглэл, булга минжийн үсээр хийсэн эдлэл зэрэг асар их эд өлгийн зүйлс гарсан нь Мисир газрын фараонуудын пирамидыг нээсэнтэй эн тэнцэхүйц шуугиан дэгдээж, дэлхийн чихийг дэлдийлгэснээр Монгол руу харь улсын эрдэмтэд судлаачид шил шилээ даран цувж эхэллээ.
Хамгийн түрүүнд Оросын эрдэмтэд газрын ойроор ирсний анхдагч нь П.К.Козлов байлаа. Тэрбээр 1924-1925 онуудад Монголд ирээд Сүжигтийн амны олон булшнуудын дээд талынхыг ухахад 10 гаруй метрийн гүнээс ялзарсан гуалин, улмаар хэн нэг хүнийг оршуулсны эд өлгийн зүйлс өмнө талдаа эмх замбараагүй бөөгнөрснийг олсон байна. Нэгэн цагт тонуулчилд уг булшийг ухаж хэрэгцээтэй юмыг аваад бусдыг нь нэг тийш шидсэний ул мөр тийнхүү нэг дор бөөгнөрөн хэвтсэн аж.
Хүннүчүүдэд ялагдаж хараат болж байсан Ухуань хэмээх Сяньби /Сүмбэ/ нар хожим Хүннүг ялж орон зайг нь эзэмшин гүрэн улс байгуулж, мандаж байх үедээ өс хонзонгоо тайлж Шаньюй нарынх нь булш бунханг ухаж хөндсөн гэдэг таамаглал байна. Гэвч 2000 гаруй жилийн дараа хүний нүдийг хужирлах юм үлдээсний заримаас дурьдсу.
Уг булшнаас 2,6х1,95м, 4,4х3,2м хэмжээтэй нарийн ур хийц бүхий гоёмсог ширдгүүд гарсан байна. Нэг ширдэгний эсгийг торгоор бүрж, торгоор эмжин, эмжээрийн дотор талаар эргэн тойронд нь элбэг төө гурван хуруу өргөн зурвасыг ханалан ширж, түүн дээрээ ургаа модны дүрс есийг товойлгон шигүү ширж, мод тус бүрийн хооронд хос хосоороо ноцолдож буй амьтдын дүрсийг мөн төвийлгөн ширсэн байна. Тэдгээр амьтад бол буга барьж байгаа шувуу, ноцолдож байгаа бар, сарлаг аж. Тэдгээр ноцолдож байгаа амьтад бүхий зурвасын дотор талд эргэн тойрны нарийн зурвас зайд дөрвөлжин, тоонолж, ац, өрөөсөн талдаа шомборгортой бөмбөг зэргийг өнгө ялган бас төвийлгөн байж ширсэн ба ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж нэвт ширсэн байдаг байна.
Нөгөө ширдэгний өнгөн дээр төв хэсэгт нь ургамал, далайн яст мэлхий, загасны дүрсийг товойлгон гадна талаарх өргөн нарийн зурваст цэцэгт ургамлыг жигд хатган хийсэн агаад гайхалтай сайхан эд байж дээ гэх сэтгэгдлийг аяндаа төрүүлэх ажгуу. Тэрчлэн дал мод хэлбэртэй цэцэгт ургамлын хажууд сүүлээ өргөж, хүзүүгээ гэдийлгэн яваа далавчтай бар шиг амьтан, хүн могойрхуу юм зуун нисэх гэж буй шувууны дүрсийг товойлгосон хатгамал, өнгө өнгийн утсаар ялган хатгаж урласан морьтой хүмүүсийн дүрс бүхий хөшиг, араатан амьтны дүрсийг хөөлгөж хийсэн алт мөнгөн чимэглэл, хаш, хашин эдлэл, түүгээр ч барахгүй хятад жуузны үлдэгдэл хүртэл булшнаас олдсон байна.
Тонуулчид өөртөө хэрэгтэй хамгийн үнэтэй, нарийн нандин зүйлсийг авчихсан атал тийм арвин үлдэцтэй хоцорсныг бодоход анхандаа ямархуу байсан нь тодорхой юм. Алт, мөнгөн эдлэлээс эхлээд алд алдын ганган тансаг ширдгүүд тэргүүтнийг хүртэл голж хаясан байна шүү дээ, тэр тонуулчид.
Хэн гээч хүнийг тэнгэрт халихад нь тийнхүү ёс төртэйгөөр хөдөөлүүлж, ганган тансаг баян эд агуурсыг дагалдуулан хойлоглосон юм бол...


Top
   
PostPosted: May.05.15 11:03 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 698
маш сонирхолтой, огт сонсоогүй баримттай түүх өгүүлсэн ном оруулсанд баярлалаа, яг үнэндээ Хүннү гэж улс байсан ( одоо бол ийм моол бий гэж хүн бүр мэдэх биз) Модун гэж хаан байсан, хааныг шанью гэж нэрлэдэг бсан гэх мэтээс өөр юм мэддэггүй байлаа ш дээ. Энэ номоор сайхан кино хийгээсэй, хүннү гэснээс нээрээ сүүлийн үед хүннү захтай дээл гэж их ярих болсийн бна.


Top
   
PostPosted: May.07.15 5:02 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Үүний хариуг П.К.Козлов, А.Д.Симуков нарын малтсан булшнаас гарсан чий будагтай, хятад бичээстэй аяга тайлж өгсөн байна. Энэ булш бол Модун шаньюйгаас хойш 166 жилийн дараа буюу МЭӨ 8-МЭ 13 он хүртэл Хүннү гүрнийг толгойлж байсан Үжүлю жоди /жинхэнэ нэр нь Наньжияс/ шаньюйнх юм байна. Тэрхүү аяганы ёроолын гадна захаар нэг эгнээ 69 хятад үсэг байгааг эрдэмтэд "Цзян-пингийн 5-р он, Ши Чюний баруун албан урчуудын газраа хааны албаны дотоод үйлдвэрт үйлдвэрлэсэн улаан чий будагтай, хээ угалз тавьж, алтан шармалаар будсан бариултай модон хундага, савны багтаамж нэг шен 16 ео модон биеийг Зун, улаан хар чий будгийг Пао, гадна талын ажлыг Шоу, бариулыг алтаар хээлсэн нь Зюнь, өнгөлөх ажлыг Фен, сэвийг арилгасан Бай, эх загвар гаргасан Лүү, үйлдвэрийн захиргааны дарга Ши, улсын хянагч Кэ, түүний туслах Зунь, бичгийг бичсэн Фен, нутгийн захиргааны дарга Ши, эзнийг эмээн хүндэтгэв" гэж тайлан уншжээ. Ингэж нарийн ажиллаж хариуцлага гээч юмыг ёстой хүлээсэн байхыг бодоход эл аяга Эзэн хаанд буюу эсвэл түүнтэй эрх хэмжээ тэнцэхүйц хүнд зориулагдсан байж таарах тул тэр жимийг хөөж чухамхүү хэнд зориулагдсан болохыг тогтоосон аж. Тухайлбал, Цзян-пингийн 5-р он гэдгийг МЭӨ 2-р он болохыг сурвалж бичгээс олж мэдсэн байна. Хүннүгийн Үжүлю жоди шаньюй Хан улсын эзэн хаанд бараалхахыг хүссэн бичиг барьсныг зөвшөөрсөн боловч Шаньюй өөрөө өвчилж улмаар харилцан элч зарж, дараа жил нь уулзахаар тохиролцсон тухай Хан улсын түүхэнд бичсэн байдаг байна. Иймээс Үжүлю жоди шаньюйг ирнэ хэмээн бэлтгэсэн аяганд Цзян-пингийн 5-р он гэж урьчилан бичүүлснийг дараа жил нь гадуулсан гэж үзжээ. Үнэхээр ч Цзян-пингийн 4-р онд Үжүлю жоди шаньюй 500 хүн дагуулан сүр бараатай очиход хэдийгээр Эзэн хаан нас барж, хуантайз бага балчир учир ширээ залгамжлах хүүгийн эмэг эх төрийн хэргийг ерөнхийд нь хамаарч байсан агаад шаньюйг эзэн хааны Шаолинь хэмээх цэцэрлэгт хүрээлэнд их хүндэтгэлтэйгээр хүлээн авч байхдаа гардуулсан бэлэг сэлтийн дотор энэхүү аяга оржээ гэдгийг баримтаар нотолсон ажээ.
Үжүлю жоди бол Модунгаас хойшхи шаньюй нарын арван зургаа дахь нь бөгөөд түүний булшнаас гарсан эд өлгийн зүйлс бол тэр чигээрээ Хүннүчүүдийн мандан бадрал, аж амьдралын баримт гэрч агаад өдгөө манай улсын түүхийн музей болон Санктпетрбургийн Эрмитажийн хосгүй үзмэр болон Мисирийн фараонуудын муми зэрэг эд өлгийн зүйлтэй эн зэрэгцэн тив дэлхийн хүмүүсийн нүдийг хужирласаар байнам.
Үжүлю жоди бол өвөг Модунтай тэнцэхгүй ч түүний байгуулсан их гүрний төрийн жолоог чанга атгаж явсан Модунгийн угсааны сүүлчийн аугаа их Шаньюй байсан байна. Түүнийг тэнгэрт хальснаас хойш ердөө л 33 жилийн дараа Хүннү улс умард, өмнөд хоёр хэсэгт хуваагдаж умард нь Сяньби /Сүмбэ/ нарт эзлэгдэж, өмнөд нь Хятадад дагаар орсноор Хүннү улс задарч мөхлийн ирмэгт хүрсэн ажээ. Түүх давтагддаг гэх тул яагаад Модун шаньюйн угсаа тасарч, яагаад Хүннүчүүд хоёр хуваагдах болов гэдгийн шалтгааныг Модунгийн угсааны сүүлчийн шаньюй Үжүлю жодигоос урагш хөөж үзвэл сургамжтай байх болов уу гэж зориглон, хэдийгээр үүнийг түүхчид хэлэх ёстой боловч миний бие Монголын хаадын сангийн шугамаар "Модун хаан" хэмээх бяцхан цадиг намтар бичиж, бас "Модун шаньюй" нэртэй эл түүхэн бэсрэг романыг бичих гэж хүний өөрийн орны эрдэмтэн мэргэд, судлаачдын уран бүтээлтэй чадан ядан танилцах явцад олж мэдсэнээ эвлүүлвээс доорх дүр зураг харагдаж байгаа юм.
Модун шаньюй авааль эхнэр буюу өргөмжилсөн хүндэтгэлээр Яньжи хэмээх хатнаасаа гадна Хан улсаас /Хятадаас/ ирүүлсэн татвар эхнэртэй байсан нь тодорхой юм. Модун аугаа хүн гэлээ ч алдаж эндэж байсны нэг нь Хан улстай "энх ураг" барилдаж хаан угсаандаа харь цус хольсон явдал гэх ба хожим хойно их уршиг тарьсан гэх буй. МЭӨ 174 он буюу бар жил Модун тэнгэрт хальж хүүний ахмад хүү, үе залгамжлагч бөгөөд зүүн гарын жуки /сэцэн сайд/ Гиюй ор суугаад оны цолыг Лаошан хэмээж Лаошан-Гиюй шаньюй /МЭӨ 174-158/ гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.
Эцэг шаньюйн байгуулсан аварга том гүрний хаан ширээнд заларсан Лаошан-Гиюй шаньюйн өмнө шийдвэрлэх олон асуудал тулгарсны нэг нь тохирсон хэлцлээсээ няцаж баруун хил хязгаарыг бусниулах болсон Юэчжи аймгаас ял асуух явдал байсан тул МЭӨ 174-165 онуудад тэдэнтэй байлдаж ван Кидолуг нь олзлон авч гавлаар нь аяга хийснээр дууссан бололтой. Модун шаньюй амьдралынхаа сүүлчийн жилүүдэд урд газраас зугатаж ирэгсэдийг төрийн албанд ашиглаж эрийн цээнд хүрсэн хүүхдүүддээ "үлгэр дууриал" үзүүлсэн тал бийг түүхчид тэмдэглэсэн байна. Урдаас ирэгсэдийн дотор Гүнзийн сурталтан, суурин ёсыг баримтлагчид, тарианы хүмүүс зонхилж байсны дээр бууж өгөөд буцах аргагүй болсон цэргийн жанжин хүртэл байсан гэжээ. Мэдээж тэд цөмөөрөө муу хүмүүс байгаагүй ч Хүннүгийн соёл иргэншилд ямар нэг нөлөө үзүүлэхүйц хүчин зүйл болж байсан гэдгийг хэлэх ёстой байхаа. Жишээлбэл: Хан улсын элч зардсын бүрэлдэхүүнд орж ирсэн Юе гэгч Хүннүгийн талд урваж, Лаошан-Гиюй шаньюйд шадарлаж байсан мэдээ байх бөгөөд тэрбээр шаньюйд үнэнчээр зүтгэж "...Шаньюй та урд газрын эд зүйлст хорхойсч ёс уламжлалаасаа гажиж буй нь харамсалтай. Хан улс өөрсдийн хэрэгцээнийхээ эд юмсын аравны нэгийг таанууст өгөхөд л нэг ч хүн үлдэхгүй тэдний талд орно. Торгон хувцас танайхны ноос арьсаар хийсэн хувцасыг үл гүйцнэ. Хоол хүнсний зүйл нь танай малын мах, сүү, бяслагийг үл гүйцэх тул түүнд шимтэх нь их уршигтай" гэж зөвлөж байсан ажээ. Харамсалтай нь түүний зөвлөгөөг тоогоогүй өнгөрсөн байна. Энэ үеэс эхлэн Хүннүчүүд малчнаасаа эхлэн Шаньюйгаа хүртэл Хан улсын "эд юмсын" хүчинд аажмаар автаж эрэлт хэрэгцээ нь өдрөөс өдөрт ихэсч, ахуй амьдрал нь өөрчлөгдсөөр байжээ. Мэдээж тэр үед Юе гэгч Хүннүчүүдийг хөдсөн дээлтэйгээ пөөнийж, мах сүүхнээр амиа зогоож бай гээгүй, сэрэмжлүүлэх санаагаар хэлсэн буйза. Урд газрын тансаг бараа, эд юмсын өнгө амтанд орсон болохоор найрсаг байж, худалдаа арилжаа хийн хэрэгцээгээ хангах, эсвэл дайтаж хүчээр олж авах хоёрхон зам байлаа.
Хан улсын талхилийн боомтоо хааж, Хүннүчүүдийг атгандаа хийхийг оролддог байхад байлдаант улсынхаа сүр хүчийг үзүүлж Хүннү нар цагаан хэрмэнд нь гэв гэнэт тулж ирэх зэргээр харилцан бие биеэ сонжиж, заримдаа зэвсэг зөрүүлж ихэнх тохиолдолд Хүннүгийн ялалтаар төгсч байжээ.
Урд газрын "эд юмсын" хүч дуут сумнаас дутахгүй аймшигтай байв. МЭӨ 166 онд Хан улс ээлжит сорилтоо хийж, хилийн боомтоо хаахад Лаошан-Гиюй шаньюй ч бас уламжлалт шалгарсан аргаа хэрэглэн их цэргээ хөдөлгөж Хан улсын баруун хойт хилээр цөмрөн Эзэн хааны зуны ордонг шатааж "тоолж баршгүй" эд юмс дээрэмджээ гэж тэмдэглэсэн нь бий. Дээрэмдсэн гэнэ үү юу ч гэсэн хамаагүй, ямар ч байсан олзтой буцсан бололтой. Хан улсын эзэн хаан Вань-ди зуун мянган хүнтэй арми хөдөлгөсөн боловч Лаошан-Гиюй шаньюй аль хэдүйнээ тоосоо харуулаад буцсан байсан аж.
Нөхцөл байдал тун ч таагүйгээр эргэснийг ухаарсан Эзэн хаан МЭӨ 162 онд Лаошан-Гиюй шаньюйд элч зарж "найрсаг байх" хэлцэл хийхийг хүссэний хариуд Шаньюй өөрийн Данху хэмээх багавтар хэргэмтэй хүнээр ахлуулсан элч явуулж хоёрын зэрэг морь бэлэглэсэн нь тэртээ нэгэн цагт Модунг хүчин мөхөс байхад Дунхугийн эзэн басамжлан доромжилж гурван муу үнэгний арьс ирүүлж байсантай агаар нэг ажээ. Гэвч эзэн хаан гоморхохын хэрэггүй гэж үзсэн бололтой. Шаньюйтай энхийн гэрээг байгуулж, умрын байлдаант улсын "эрт тэс цаг ууртайг бодож, сэтгэл нь зовнихдоо" Шаньюйд жил бүр хүссэн хэмжээний үр тариа, будаа, торго, хоргой, бөс бараа янз бүрийн эд юмсыг бэлэг болгон /алба төлөх гээгүй ажээ/ өгч байх үүргийг хүлээсэн нь нөгөөх бэлэг нэртэй "эд юмсын" аргаа хэрэглэж аажмаар гартаа хийх далд бодлогоо хэрэгжүүлж байжээ.
Эцэг шаньюйн өвлүүлэн үлдээсэн их гүрний хил хязгаарыг тэлээгүй юмаа гэхэд алдаагүй авч явсан Лаошан-Гиюй шаньюй МЭӨ 158 онд таалал төгсч, түүний хүү Гюнчен /158-126/ ор суусан байна. Найрсаг байх тухай Хан улстай урьд нь байгуулсан гэрээг Гюнчен шаньюй дөрвөн жилийн турш чанд сахисан боловч урд хөршийн зүгээс далдуур өдөөж байсан олон зүйл шахалтыг үл тэсвэрлэн МЭӨ 154 онд тус бүр гурван түмэн цэрэг бүхий хоёр хэсэг хүчээр Хятадын хойд болон баруун хойд хилээр цөмрөн орсон байна. Хүннүчүүд довтолсон тухай мэдээг авсан Эзэн хаан цэргээ бэлтгэн умард хил дээрээ ирэхэд Гюнчен аль хэдүйнээ их талдаа буцсан байжээ. Хүннүчүүдийн довтолгооныг хоёр ч удаа няцааж чадалгүй тоосыг нь хараад хоцорсон Вань-ди эзэн хаан удалгүй нас барж Цинь-ди ор суусан байна.
МЭӨ 152 онд Гюнчен шаньюй, Эзэн хаан Цинь-ди хоёр гэрээ байгуулж Хан улс хилийнхээ боомтуудыг нээж, чөлөөт арилжаа явагдаж эхэлжээ. Эзэн хаан бас өөрийн гүнжээ их бэлэг сэлтийн хамт Гюнченд "найрсаг байдал"-ын баталгаа болгон өгснийг бодвол төрийн онцгой ач холбогдолтой гэрээ байгуулсан бололтой.
Модун шаньюй Хятадтай "энх ураг барилдаж" гүнжийг нь эхнэрээ болгож байсан бол түүний ач хүү бас "найрсаг байх" баталгаа болгон Эзэн хааны гүнжийг арга буюу хатан болгон авсан түүх ийм болой. Хэдийгээр өөрийн Хүннүгийн сурвалжит аймгаас буулгасан Яньжи буюу тэргүүн эхнэртэй ч гэлээ удаалах хатан болох Эзэн хааны гүнж мэдээж чамлахааргүй эрх мэдэлтэй байсан нь гарцаагүй бөгөөд төрүүлсэн хүүхдүүд нь цөм хуантайз байж таарна. Тэгэхээр эцэг нэгтэй ч эх өөртэй хуантайзууд битгий хэл нэг эхээс төрсөн туантайзууд өвөр хоорондоо тэрсэлддэг түүх давтагдахгүй гэхийн газаргүй байлаа. Тийм тусмаа тэс өөр цусных.
Хүннүгийн шаньюй нар төдийгүй язгууртнууд нь нанхиад эхнэр авч худ ураг бололцож байжээ. МЭӨ 107 онд Хүннүгийн нэгэн язгууртны эхнэр болж ирсэн нанхиад эм: "Тараг айраг Махан хоол Хана нь эсгий бүрээстэй Ядуу гэр орд болно" хэмээн Хүннүгийн газар шороон дээр амьдарч байснаа бичиж үлдээсэн баримт байдаг байна.
Суурин газрын байшин, орд харшид өсч бойжсон хөөрхий бүсгүйчүүд өөрсдийнх нь нэрлэдэгээр Ху /бүдүүлэг/ нарын газар холын бодлын золиос болон ирж эсгий бүрээстэй "ядуу" гэр оронд махан хоол идэж, тараг айргаар ундаалан ирээдүйн хуантайз, Луули, Их хошууч, Их Дуюн, Их Дан-ху, Гуду-хэу гэх Хүннүгийн эрхтэн дархтнуудын шинэ халааг төрүүлж байжээ.
Модун шаньюйн ач хүү Гюнчен шаньюй 32 жил байлдаант их нүүдэл улсын төрийн алтан жолоог бариад МЭӨ 126 онд тэнгэрт хальжээ. Тэрбээр аугаа их өвөг эцгийнхээ нэр төрийг гутаалгүй үүсгэн байгуулсан гүрэн улсыг нь улс шиг авч явсан төрийн гарамгай зүтгэлтэн, цэргийн нэрт жанжин байжээ. Гюнченийг нас бармагц түүний дүү зүүн гарын Луули ван Ичишэ /126-114/ өөрийгөө шаньюу хэмээн зарлаад Гюнчений хүү хуантайз Юибитэй байлдан "ялж" хаан ширээг булаан авсан ажээ. Энэ нь хууль бус явдал байсан бөгөөд хэтдээ Хүннү улс хагарч бутрахын дохио байлаа.
Хуантайз Юиби Хятадад зугтан гарч тэнд муугүй амьдарч байгаад төдөлгүй өөд болсон гэх ба хаан ширээ булаан авсан Ичишэ ч муугүй жолоодогч болохоо харуулсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэрбээр урьдах шаньюй нараас дутахааргүй аян дайны галыг бадрааж ялж, ялагдаж явсан бололтой. Түүний дүр төрхийг гаргахын тулд зарим баримтыг хөөн үзье. МЭӨ 126 онд буюу шаньюй болсныхоо тэр жил Ичишэ Хан улсын зүүн хойт хилээр, МЭӨ 125 онд Хүннүгийн баруун жигүүрийн Луули ван Ордост тус тус цөмрөн орж олон тооны хүн, их хэмжээний эд агуурс булаан авч буцсан бол У-ди эзэн хаан Хүннүгийнх шиг хөнгөн маягийн зуун мянган хүнтэй морин цэрэг бэлтгэж, МЭӨ 124 онд Вэй-Цин жанжин Хүннүгийн дорнод хилээр хоёр ч удаа довтлоод төдийлөн амжилт олоогүйгээр барахгүй урд нь Хятадын талд урван орсон Хүннүгийн нэгэн хэргэмтэн Чжао-Синь гэгчийгээ олзлуулсан байна.
Ичишэ шаньюй хаан ширээ булаасан муу нэртэй ч бас ч ухаалаг, холч бодолтой нэгэн байсан бололтой. Тэрбээр олзлогдсон Чжао-Синийг цаазаар авалгүй харин ч Хан улсын хэрэг явдлыг сайн мэддэгийн хувьд урд газрын асуудал хариуцсан дэргэдийн зөвлөхөө болгосноор барахгүй өөрийнхөө дүү бүсгүйтэй суулгаж "чөдөрлөн" авсан нь цаазалснаас үр ашигтай болсон гэнэ.
Энэчлэн Ичишэ шаньюй 122 онд урагшаа, У-ди эзэн хаан 121 онд умар тийш, Ичишэ 120 онд урагшаа гэхчилэнгээр довтлон байлдаж хэн хэнийх нь хүч ихэд суларсан байжээ. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд 121 оны довтолгооноороо У-ди хааны жанжин Хой-Цюй-Бин гэгч Хүннүгийн баруун гарын ихээхэн хэмжээний эдлэн газрыг булаан авч, түүгээр ч барахгүй Хүннүчүүдийн нандин эрдэн цул алтан шүтээнийг нь хүртэл олз болгон авсан байна. Ичишэ шаньюй дайсанд газраа, шүтээнээ алдсаны бурууг нилээд нөлөө бүхий Хючжуй, Хуньше аймгийнханд тулгаж ял асуун цаазад хүргэх болсныг мэдсэн тэдгээр аймгийн вангууд сэм үгсэн хуйвалдаж албат иргэдээ дагуулан Хятадад дагаар орсон ажээ. Архидаж байгаад алтан шүтээнээ алдчихаад шаньюйгаасаа өршөөл эрэхийн оронд албат иргэдээ авч Хятадад дагаар орсноор Хүннү улс аажимдаа задран бутрах аюул нүүрлэсэн нь ойлгомжтой юм.
Хүннүгийн нөлөө бүхий аймгууд ийнхүү дагаар орж ирсэнд эрдсэн Эзэн хаан У-ди Их говийн цаана байх Шаньюйн өргөө ордыг эзлэн Ичишэг олзлон авахаар туршлагатай жанжнуудаар толгойлуулсан хөтөлгөө морь бүхий 100 мянган хүнтэй армийг хөдөлгөж "элсэн далайг гаталсан боловч Ичишэ орд өргөө юугаа нутгийн гүн тийш нүүлгэж өөрөө гол хүчтэйгээ үлдэн хүлээж байгаад асар их цус асгаруулсан тулалдаан хийсэн гэх буй.
Түүхчдийн тэмдэглэснээр өдөржин тулалдаад ялалт Ичишэгийн талд ирж байтал их салхи гарч Хүннүгийн хөнгөн морин цэргийн сум салхинд хийсэн байгаа онохгүй болсон учир нөгөө тал санаачилгыг гартаа авч бүсэлсэн байна. Гэлээ ч Ичишэ шаньюй цэргийн ухаан зарж бүслэлтээс мултарсан гэх ба улмаар "найрсаг байх" саналыг тавьсан боловч Эзэн хаан түүнд хязгаар нутгийн сайдын хэмжээнд байх болзлыг тулгасан гэнэ. Мэдээж Ичишэ үүнийг доромжлол хэмээн үзэж их хүчээ дахин бэлтгэж эхэлсэн ч хүч үзэж чадалгүй 114 онд нас нөхчиж, түүний хүү Увэй /МЭӨ 114-105/ ор суусан байна. Хятадын эзэн хаан Хүннүчүүдтэй халз тулалдан байлдах аргаа өөрчилж, хараат болон холбоотнуудыг нь байлдан дагуулах, эсвэл холдуулах аргаар тэмцэж хүчийг нь сулруулахаар шийдсэн аж.
Эхлээд Хүннүгийн том холбоотон болох


Top
   
PostPosted: May.07.15 5:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6264
Location: Энд
Их гоё ном бна шүү. Ер нь Модуний тухай номнууд дээр Модуныг их мундаг жанжин, шаньюй бсан гэж дүрсэлдгээс хайртай хатан, аавыгаа алсандаа сэтгэлийн шаналал эдэлж, улсыг бодохдоо ургийг умартсан гэдэг санааг ингэж сайн гаргаж өгөөгүй бдаг.

Маш их баярлалаа :wd: :wd: Нэг амьсгаагаар л уншаад дуусгалаа сайхан блаа :cheerleader:

Энэ булшнаас олдсон хүннүгийн үеийн дээл, хивсийг оросууд судална гэж авч яваад Эрмитажид тавьчихсан гэдэг биз дээ. Нэг нартай сайхан өдөр Эрмитажийг дайлаар мордож харахын заяа бхаас хазахын заяа алга гэдгийг мэдрэе дээ

_________________
:wink:


Top
   
PostPosted: May.09.15 10:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Кянчуудын /Түвд/ нутагт довтолсон боловч тэд зууралдан тулалдаж, сунжирсан дайныг үүсгэсэн ба 12 жилийн дараа буюу 107 онд Эзэн хааны давуу хүчинд ялагдсан байна.
Хүннүгийн дотоод гадаад байдал таагүй болсныг ашиглан хараат байсан Ухуань /Сяньби/, Усунь зэрэг аймаг тэдний эсрэг босч тэмцэлдэж эхэлсэн нь Хан улсын талд таатай нөхцөл болсон байна.
Увэй шаньюйгийн төр барих үед дайн тулаан, гэрээ хэлцэл гэх мэт түүхэнд үлдэхээр томоохон үйл явдал болсон талаар тэмдэглэгдээгүй байна. Тэгээд ч энэ үед У-ди эзэн хаан умард хил дээрээ 200 шахам мянган хүнтэй армиа сүрийг үзүүлж байрлуулаад цаагуураа Хүннүгийн холбоотон, хараат улсуудыг байлдах бодлого барьж байснаас төрөлхийн "зөөлөн" дайнч биш Увэй дотоодын аар саархан асуудлаар хөөцөлдсөөр цагийг барж улмаар 105 онд нас барж түүний хүү Ушилу /105-103/ ор суусан байна. Эзэн хаан У-ди хагалан бутаргах бодлогоо үргэлжлүүлж залуу шаньюй Ушилу болон Хүннү улсынхаа хэмжээнд зүүн гарын жукийн дараа гуравт орох дэв зэрэгтэй баруун гарын жуки хоёрт зэрэг элч зарж, ав адил бэлэг сэлтийг илгээсэн нь шаньюй, жуки хоёрыг нэг зиндаанд тавьж харгалдуулах гэсэн далд хорон арга байлаа. Манж нар Монголын ихэс ноёдыг эрх ямба ялгасан отго жинс өгч уралцуулж байсантай адил юм даа.
Байдал ийм болсныг далимдуулах гэсэн үү аль эсвэл эрх ямба горьдсон ч юм уу Хан улстай найрамдах талыг баригч, Хүннүгийн зүүн жигүүрийн Их Дуюй бээр шаньюйг алж дагаар орох бодолтой байгаагаа илэрхийлсэн нууц захидлыг Эзэн хаанд бичсэнийг мэдээж маш дуртайгаар хүлээн авч По-ну гэгч жанжинд хоёр түмэн цэрэг өгч туслуулахаар явуулсан аж. По-ну нь замдаа шаньюйн талын цэрэгт бүслэгдэж өөрөө олзлогдсон ба улмаар урвагч Их Дуюй баригдаж цаазлагдсан байна. Удалгүй Ушилу гэнэт өвчлөн нас барж түүний хүү хуантайз бага балчир тул Ушилугийн авга ах Гулихуг /МЭӨ 103-101/ шаньюйд өргөмжилсөн боловч тэрбээр бас өвчилж нас барсан аж. Түүнийг залгамжлах ач хүү нь бас бага балчир байсан тул урьд нь цаазлагдсан зүүн жигүүрийн Их Дуюйн хүү Зүйдихүг /МЭӨ 101-97/ шаньюйн ширээнд залсан агаад Хятадад дагаар орох гээд цаазлуулсан ахынхаа замаар яваагүй, богинохон хугацаанд төр барихдаа нилээд ухаалаг, бас дипломатч зүтгэлтэн болохоо харуулсан нь түүхэнд үлджээ. Зүйдихү шаньюй болмогц эхлээд У-дитэй найрсаг байхыг зорьж урд саатуулагдсан элч зардсыг нь суллаж буцаасны хариуд Эзэн хаан маш их бэлэг сэлт бүхий элч зарахын хамт бас Хан улсын харъяанд орохыг тулгасан захидал ирүүлсэн байна. Шаньюй элчийг хүлээж аваад эн тэнцүү айл улсын адил харилцан "энх ураг" бололцох нөхцөлийг сөргүүлэн тавьснаар хэлэлцээ тасарсан боловч Хан улсын элч өөр арга хайж, урд нь нанхиад газар сууж хүмүүжсэн шаньюйн зөвлөх Вэй Люй гэгч хүнийг хэлэлцээр тасалдуулсан гол буруутан хэмээн үзэж алах, шаньюйн яньжийг хулгайлж барьцаалан болзлоо тулгах нууц хуйвалдаан хийсэн нь илэрч шаньюйн хилэнг бадраасан гэх ба нууц хуйвалдаанд шууд гар бие оролцогчдыг цаазалж, бусдыг нь Хүннүгийн талд "өөрийнхөө хүсэлтээр" ор эс бөгөөс цаазална гэсэн байна. Су-у гэдэг хүнээс бусад нь цөм Хүннүгийн талд орсон гэжээ. Дайсан боловч үхлээс үл айгч, зүрх зоригтой хүнийг хүндэтгэн үздэг уламжлалаа баримтлан Зүйдихү шаньюй тэ Су-у гэгчийг цаазлаагүй ба Шивэр их ойт /Сибирь/ газар суулгасан байна. Чингэж нутаг заан Шивэрийн газар суулгах ёсон хорин хоёр зууны хойно ч байсан нь сонин юм. Хэлэлцээр амжилтгүй болж элч зардас нь цаазлагдсан явдалд асар их дургүйцсэн У-ди өөрийн гарамгай жанжнуудын нэг болох Ли Гуан-ли гэгчийг гурван түмэн цэрэгтэйгээр Хүннүгийн баруун гарыг эзлэхээр илгээсэн боловч төдийлөн амжилт ололгүй буцсан, бас нэг жанжин нь эзгүй талаар хэрж яваад хоосон гуяа ганзгалан ирсэн, өөр нэг жанжин Ли-Лин гэгчийн арми Хүннүгийн газар гүнзгий цөмөрсөн ч шаньюйн цэрэгт бүслэгдсэн бууж өгсөн зэрэг нь Хан улсын хувьд хар өдрүүд байжээ. Зүйдихү шаньюй Ли-Линд өөрийнхөө охиныг эхнэр болгон өгч, Хягас аймгийг захируулан суулгасан гэх буй. Жанжин Ли-Лингийн ордны туурийг Сибирийн Абакан хотын ойролцоогоос 1940-өөд оны сүүлчээр нээж олсон байна. Эзэн хаан ийм явдал болсны буруутанг хайж хайж, тэр үед ерөнхий командлагч байсан Ли Гуан-ли жанжныг буруутгасан боловч тэрбээр дээгүүр асар их сүлбээтэйн хүчинд мултарсан байна. Эцсийн эцэст дайсанд бууж өгснөөр нь Ли-Лингийн эхийг цаазлах гэсэн боловч тэр үеийн нэр цуутай зүтгэлтнүүд яах ч аргагүй болсноос бууж өгсөн хүүгийнх нь оронд өтөл эхийг нь хороож болохгүй хэмээн өмөөрч өөрсдөө толгойгоо алдахаа шахсанаар барахгүй, заримууд нь хурга ишиг адил хөнгөлүүлж байж мултарсан гэх буй. Тийм хүмүүсийн нэг нь өдгөө бид бүхний сайн мэдэх "Ши-Жи" хэмээх түүхийн тэмдэглэл зохиосон Хятадын алдарт түүхч Сы Ма-чянь гэнэ. Чухамдаа энэ "Ши-Жи" гэдэг зохиолын "Сюнь-ну" буюу "Хүннүгийн цэцэг" гэсэн хэсэгт Хүннүгийн талаар нилээд дэлгэрэнгүй тэмдэглэсэн байдаг байна. МЭӨ 97 онд нөгөөх гандан буурдаггүй Ли Гуан-ли жанжин Хүннүчүүдийг ичээнд нь бут цохино гэж умрыг зорин их цэрэгтэйгээр хөдөлсөн боловч алсын хараатай Зүйдихү шаньюй өргөө гэр, хүүхэд хөгшдөө нутгийн гүнд шилжүүлэн гол хүчтэйгээ үлдэж Сэлэнгэ мөрний хавьд дайсантай асар их цус асгаруулсан тулалдаан хийж, довтолгооныг зогсоож чадсанаар барахгүй тэднийг буцаан хөөж хил дээр ирсэн байна. Энэ удаагийн тулалдаанд Хан улс асар их хохирол үзсэн гэж түүхчид тэмдэглэсэн байна.. Эзэн хаан гэм зэмгүй хөгшин эмийг цаазлах бус улсынх нь сүр хүч болсон армийг нь хоёр ч удаа сүйрүүлж "умрын бүдүүлгүүдэд" ичгүүртэйгээр ялагдсан ерөнхий командлагчаа цаазлах ёстой боловч армиас илүү хэрэгтэй эм, тэр тусмаа шивэгчин байжээ гэхэд эвэртэй туулай үзсэн мэт санагдах буйзаа. Тэгвэл ийм явдал болсон юм байна. Хүннүчүүдэд ялагдсан тэр Ли Гуан-лигийн дүү бүсгүй Эзэн хааны хамгийн хайртай шивэгчин байсан учир Лигийн толгой мөрөн дээрээ үлдсэн ажээ. Түүгээр ч барахгүй дахин тулалдана хэмээн төлөвлөгөө зохиож Эзэн хаанаар зөвшөөрүүлж байсан аж. Гэвч түүнийг хөнөөх далдын бараан үүл хуримтлагдсаар байжээ. Энэ үед Зүйдихү шаньюй таалал төгсч Хүннү улсын дотоодод ярвигтай байдал бий болоод байсан байна. Шаньюй хоёр хүүтэй байсан бөгөөд үе залгамжлагч буюу Зүүн гарын жуки хэргэмтэй ахмад хүү Хулугу нь /МЭӨ 96-85/ эцгийн ор суужээ. Дашрамд хэлэхэд бэлэвсэн яньжи ахмад хүүгээ бус дүүг нь ширээнд суулгахаар хуйвалдаан хийж байсан гэж түүхчид бичсэн байна. У-ди эзэн хаан Хүннүд үхлийн цохилт өгөхөөр улсынхаа бүх нөөцийг шавхаж бэлтгээд МЭӨ 90 онд мөнөөх Ли Гуан-лигээр толгойлуулсан долоон түмэн морьт, арван түмэн явган цэргийг Хүннү улсын баруун гар чиглэлээр, дөрвөн түмэн морьт цэргийг нэмэгдэл туслах хүч болгон умар зүг хөдөлгөснөөр Хүннү улс орших эс оршихын дэнсэн дээр ирээд байжээ. У-ди эзэн хааны их цэрэг гурван чиглэлээр хөдөлсөн тухай мэдээг авсан Хулугу шаньюй Шивэрийн их ойт газар тийш хүүхэд бүсгүйчүүдийг шилжүүлээд Динлин, Сяньби зэрэг хараат аймгуудаас нэмэгдэл хүч татаж тулалдахаар бэлтгэсэн ч Хан улсын цэрэгтэй тэнцэхүйц тоонд хүрээгүй ажээ. Хятадын явган ба морьт цэрэг 240 гаруй мянга байсан бол Хүннүгийнх 110 мянга орчим байсан байна.
Гэвч Хүннүчүүд булаан эзлэх дайнд биш газар шорооныхоо төлөө мориндоо мордсон болохоор дайснаас цөөн ч сэтгэл санааны хувьд давуутай байжээ. Юутай ч гэсэн эхний удаад Ли Гуан-ли жанжин хүнийхээ давуугаар Хүннүчүүдийг хөөж нутгийн гүнд нь оруулан Туул голын орчимд Хүннүгийн хоёр түмэн хүнтэй армийг явсан аж. Энэ үед шаньюй хүчээ зузаатгаж шийдвэрлэх тулалдаанд бэлтгэж байсан бол Хан улсын армийн хүч ихэд суларсан байсан байна. Ер нь зугатсан дүр эсгэж дайсныг гол хүч дээрээ авчирч бут цохидог арга хожуу Чингисийн үед хэрэглэгдэж байсан шалгарсан аргын нэг бололтой. Ли Гуан-ли түр зуурын ялалтаараа халхавчлан ухарч эхэлсэн боловч Хангайн нурууны газарт Шаньюйн гол хүчинд бүслэгдэж Хан улсын армийн ерөнхий командлагч Ли Гуан-ли бууж өгснөөр сүр дуулиантай эхэлсэн булаан эзлэх дайн дууссан юм байна. Хүннүд бууж өгсөн Ли Гуан-ли жанжны гэр бүлийнхнийг Эзэн хаан цаазаар авсан бол харин Хулугу шаньюй бууж өгсөн жанжинд хүндэтгэл ивээл үзүүлэн өөрийнхөө охиныг эхнэр болгон өгч бусдаас илүү анхаарал халамж тавих болсон нь зарим хүмүүсийн атаархлыг төрүүлсэн гэнэ.
Урьд нэгэн цагт нанхиад газарт сууж хүмүүжээд буцаж ирж, Шаньюйн зөвлөх болсон Вэй Люй гэгч эрх ямбаа алдаж магадгүй хэмээн атаархаж Ли Гуан-ли жанжныг устгах арга сүвэгчилсэн аж. Энэ үед Шаньюйн яньжийн /хатан/ ээж хүндээр өвчилсөн тул Вэй Люй гэгч тэргүүн бөөтэй үгсэн "харь орны жанжин хүнээр шаньюй нарын шарилыг тахих аваас эдгэрнэ" гэж дээд тэнгэр айлдав хэмээн шаньюйд итгүүлж Ли Гуан-лиг цаазлуулсан байна. Түүхчдийн бичсэнээр бол тэр Ли гэдэг жанжин цаазаар авахуулахын өмнө "миний үхэл таанууст гай гамшиг авч ирэх болно" гэсэн гэх ба үнэхээр ч тэр өвөл нь асар их зуд болж, зун нь ган гачиг, хүн малын өвчин гарсан тул Ли Гуан-лид зориулсан тахилгын сүм барьж, эргэл мөргөл үйлдэж байсан ажээ. Энэ бол Хүннүчүүдийн бөө мөргөлтэй байсны гэрч юм байна.
Хан улсын шилдэг армийг бус цохиж ерөнхий командлагчийг нь буулган авсан Хулугу шаньюй "энх ураг барилдах", хилийн боомтоо саадгүй нээх, жил бүр хүссэн хэмжээний алба барьж байх шаардлагыг эзэн хаанд тавьсан гэх бөгөөд дахин дайн дэгдээгүйг бодоход хэлэлцэн тохирсон бололтой гэсэн байна.
Хан улсын армийг удаан хугацаанд сэхэхгүй болтол бут цохисон Хулугу шаньюй МЭӨ 85 онд тэнгэрт хальсан агаад насан өөд болохынхоо өмнө Зүүн гарын жуки буюу үе залгамжлагч хүүгээ бага балчир тул төрийн жолоог баруун гарын Луули ван барьж байг гэсэн бололтой. Гэтэл шаньюйн ширээнд суух гэсэн дөрвөн ч ван гарч ирж байдал хүндэрсэн аж. Эзэн ширээ рүү ингэж зэрэг зэрэг тэмүүлж эхэлснээр тарж бутардаг түүх хожим нэг биш удаа гарч байсны уг үндэс тийн холоос улбаатай ажээ. Мэдээж эхлээд талийгаач шаньюйн яньжи өөрийнхөө хүүг ширээнд залж өөрөө өмнөөс нь төр барихыг санаархсан боловч өөд болооч шаньюйн гэрээслэл саад болсон гэнэ. насан хутгийг олсон шаньюйн төрсөн дүү бөгөөд Зүүн гарын их Дуюй ор суух гээд яньжид далдуур хорлогдсон гэхчилэнгээр тэмцэл явагдаж эцэст хуйвалдаанаар Зүүн гарын Луули вангийн хүү Хуаньди /МЭӨ 85-69/-г шаньюйн ширээнд суулгасан байна.
Аливаа хуйвалдаан нэгэн цагт илэрдэг жамтай тул илэрч төр хямрах бараан үүл хуримтлагдаж өвөр хоорондоо тэмцэлдэн байлаа гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна. Ер нь хууль бусаар тавигдсан эзэд хэн нэгэн зальтны тоглоом болж төр хямардаг бөгөөд тийм хүний нэг нь Хуаньди байсан ажээ. Хуаньди шаньюй МЭӨ 68 онд нас барж Зүүн гарын жуки Хюйлюйцюанькай /МЭӨ 68-60/ ор суусан байна. Хан улс Хүннүгийн дотоод зөрчлийг улам хурцатгахын тулд өвөр хооронд нь яс хаях, хараат аймгуудтай нь холбоо тогтоож хамтран Хүннүгийн эсрэг тэмцэх зэрэг шалгарсан аргуудаа хэрэглэж эхэлсэн нь Хүннүгийн хараат аймгуудынханд таалагдсан нь мэдээж. Энэ үед бас Хүннүгийн газарт хэдэн жил дараалан ган гачиг, зуд болж, өвчин тахал гарах зэргээр хүн мал асар их сүйдэж эдийн засаг, цэргийн хүч нь ихээхэн суларсан байна. Гадаад дотоод таагүй ийм хүчин зүйлийг давж гарахын тулд Хюйлюйцюанькай шаньюй Хан улсын цэргийг хараат орнууд руу нэвтрүүлэхгүй байх, стратегийн ач холбогдолтой бүс нутаг дахь цэргийн хүчээ зузаатгах үйл ажиллагаа явуулж эхлээд түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй нас баржээ.
Хюйлюйцюанькайг нас барсны дараа эхлүүлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэх зүтгэлтэн гараагүйгээр барахгүй нэгэн үе хэдэн шаньюй гарч ирж төрийг хямруулж байсан байна.
Түүхчдийн тэмдэглэснээр Хюйлюйцюанькай шаньюйг өвөг дээдсийн сүнс сүлдийг тахих тайлгын үеэр түрүүчийн шаньюйн бэлэвсэн яньжи өөрийн нууц амраг, баруун гарын Жуки Туцитантай үгсэн хорлож алсан гэх агаад үнэхээр ч Туцитаныг /МЭӨ 68-60/ Уянгуди цолтойгоор шаньюйн ширээнд суулгасан байна. Энэ бол цэвэр ордны эргэлт байлаа гэжээ. Чухамдаа Хүннү улс энэ үед баруун зүүн болон хуваагдсан байна. Хууль бусаар төрийн толгойд гарч ирсэн хүн удаан хугацаагаар тогтохын тулд харгис бурангуй үйлдэл хийдэг нь өдгөө ч байнам бус уу. Уянгуди шаньюй болмогцоо өмнөх шаньюйн ойр дотны хүмүүсийг утга учиргүй цаазалж, үр хүүхдийнх нь шаньюйн ширээнд суух эрхийг нь хязгаарлаж, бүх эрх мэдлийг өөрийн талынхандаа шилжүүлж, Хан улсад их бэлэг сэлт бүхий элч зардас илгээн найрамдах санал тавьсан байна. Өмнөх шаньюйн хүү Гихэушань эцгийнхээ үнэнч холбоотны газар зугтан одож, хоёр дүү нь цаазлагдсан ба Уянгудид дургүйцсэн зарим аймгийнхан Хан улсад дагаар орсон аж. Энэ бүхэн Хүннүгийн уламжлалыг баримтлагч талынхны зэвүүцэл дургүйцлийг төрүүлж энд тэндгүй тэмцэн босох болсноос, тэр ч байтугай шаньюйн төрсөн дүү нь хүртэл дургүйцэх болсноос ганцаардсан Уянгуди шаньюй хоёрхон жил төр бариад МЭӨ58 онд амиа золин үхэж, хуантайз Гихэушань /МЭӨ 58-31/ шаньюйн ширээнд Хуханье цолтойгоор суужээ. Энэ үед Хүннүчүүд үндсэндээ Хан улсын талыг баримтлагч ба төр улсаа хамгаалан тэмцэгч гэсэн хоёр урсгалд хуваагдсан байна. Олон намын тогтолцоо гэдэг шиг энд тэндгүй шаньюй төрж, төр хямарч, аажмаар мөхлийн ирмэг рүү ойртож байсан аж. Жишээлбэл: Хүннүгийн хамгийн бага тушаалтны нэг болох Босюйтан гэгч өөрийгөө Жуки-шаньюй, Хуге гэх аймгийн ван өөрийгөө Хуге-шаньюй, Юйди аймгийн ван өөрийгөө Чели-шаньюй, Дуюй хэргэмтэн нэгэн өөрийгөө Уцзи-шаньюй хэмээн зарлацгаан Хуханье шаньюйн эсрэг тэмцсэн боловч эцсийн эцэст хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны шаньюйд зарим нь бууж өгч, зарим нь амиа хорлох зэргээр ялагдан амсхийсэн гэх бөгөөд угтаа иргэний дайн байлаа гэж түүхчид бичсэн байна.
Хууль ёсны ба хууль бус шаньюй нарын тэмцэлд дургүйцсэн зарим эвэртэн туурайтнууд, тухайлбал Хан улсын талыг баримтлагчид харъяат нараа дагуулан Хятадад дагаар орох явдал гарах болсон нь их хор уршигтай байсан нь мэдээж.
Хуханье хэдийгээр хууль ёсны шаньюй боловч нэр хүндээр сайнгүй нэгэн байсан бололтой. Түүнийг төрийн эрх барьж байх үед Зүүн гарын Их зонхилогч албатаа дагуулан Хан улсад дагаар орсны дээр баруун гарынхан салан тусгаарлаж, урьд өөрийгөө Жуки-шаньюй хэмээн өргөмжлөөд ялагдаж амиа хорлосон Жуки-шаньюйн төрлийн Сюсань аймгийн авн өөрийгөө Жуньчень-шаньюй гэж өргөмжлөн баруун гарын зарим аймгуудыг өөртөө нэгтгэж эхэлсэн ба Хуханье шаньюйн төрсөн дүү Хутуус гэгч хүртэл өөрийгөө зүүн хил хязгаарын Жижигудуху шаньюй хэмээн өргөмжилснөөс үзвэл аугаа ихийн хэнээрхэл бас тэр цагт байсан бололтой.
Хүннүгийн эвэртэн туурайтнууд үхрийн эвэр шиг ийш тийшээ зүтгэцгээж байжээ. Туйлын хүнд байдалд орсон Хуханье шаньюй МЭӨ 53 онд "найрсаг байх"-аар өөрийнхөө хүүг Хан улсын эзэн хааны дэргэд алба хашуулахаар явуулсан нь угтаа барьцаанд өгсөн хэрэг байсан аж. Дараа жил нь шаньюй өөрийн биеэр эзэн хаан Сюань-дид бараалхсан агаад эзэн хаан түүнийг маш хүндэтгэн хүлээн аваад хараат улс болсныг нь түүнд мэдэгджээ. Дараа жил нь шаньюйн дүү Жижи-гудуху шаньюй эзэн хаанд бараалхсан боловч түүнд төдийлөн анхаарал тавиагүй нь Хуханье шаньюйг хараат болгож авсантай холбоотой гэж судлаачид үзсэн байна. Дараа жил нь бас Хуханье шаньюй Эзэн хаанд бараалхаж нэгэнт хараат улс болсны хувьд цэрэг, эдийн засгийн тусламж авснаар тэмцэлдэгч талуудаас айхгүй болсон юм байна.
Жижи баруун тийш нэгэн холбоотон аймаг руу хулжин очиж, хүчээ зузаатган "Торгон зам"-ыг барьж авсан явдал Хан улсын эрх ашигт харшилсны учир Жижиг устгахаар цэрэг илгээж МЭӨ 36 оны үед хоёр тал тулалдан Жижи алагдсан байна. Түүхчдийн үзэж байгаагаар Жижигийн харъяаны Хүннү нар улмаар баруун тийшэлж, хожим Дунай мөрөн хүрсэн гэх бөгөөд Европыг нэгэн цагт донсолгож байсан Гунну нар бол тэдний удам байсан байна.
Хуханье шаньюй МЭӨ 31 онд нас барж түүний гэрээслэл ёсоор хоёр дахь хатны ууган хүү Дяотаомагао /МЭӨ 31-20/ гэгч Фүжүлэй жоди шаньюй нэрийн дор ширээнд сууж улмаар МЭӨ25 онд өөрийн биеэр эзэн хаанд бараалхаж хүцэнгүй байхаа илэрхийлэн их хэмээний бэлэг сэлт авсан гэснээс өөр зүйл хийсэн тухай баримт тэмдэглэгдээгүй байх юм."Эд юмсын хүч" энэ үед үйлчилсээр байжээ гэх сэтгэгдэл аргагүй төрнө. Тэрбээр МЭӨ 20 онд нас барж түүний төрсөн дүү Зюймисюй /МЭӨ 19-11/ нь Соүшэ жоди цолтойгоор шаньюйн ширээд сууж хүүгээ Хан улсад алба хашуулахаар явуулсныг эс тооцвол түүхэнд тэмдэглэгсэн гавиатай зүйл хийлгүй байсаар нас барж авга ахынх нь хүү Зюймогюй /МЭӨ 11-8/ гэгч Гюйю жоди цолтойгоор ор сууж удалгүй нас барж, түүний төрсөн дүү бөгөөд энэ тэмдэглэлийн эхэнд бичигдсэн Наньжияс буюу Үжүлю жоди /МЭӨ 8-13/ шаньюй ширээнд заларсан байна.
Удаа дараагийн шаньюй нарыг эд юмс, элдэв аргаар эрхшээлдээ оруулсан Хан улсынхан Үжүлю жоди шаньюйг тэдэн лугаа адил үзэж, эхлээд газар шорооноос нь тасалж авахыг санаархан элч ирүүлж Хан улсын нутаг дэвсгэрт түрэн орсон хэсэг газрыг өгөхийг шаардсан байна. Эл газар нь ой модоор баян, өдийг нь авч сум хийхэд хэрэглэдэг бүргэд үрждэг тул Хүннүчүүдийн хувьд цэрэг цуухын ач холбогдолтой нутаг байжээ. Ач холбогдол багатай байлаа ч газар шороо бол улсын үндэс учраас дайсанд найр тавин өгөөд байваас мөхөх бус уу. Дээрх шаардлагыг Үжүлю жоди шаньюй эрс эсэргүүцсэнээр Хан улсын ихэс ноёдыг болгоомжилоход хүргэж "Манай элч эрх хэмжээгээ хэтрүүлж зүй бус шаардлага тавьсан байна. Түүнийг зүй нь цаазлах ёстой боловч өршөөж алсад цөлж шийтгэлээ" гэсэн хариу ирүүлж байснаас үзвэл Үжүлю жоди шаньюй өөрийн гэсэн толгойтой нэгэн байжээ. Үжүлю жоди шаньюй МЭӨ 1 онд Хан улсад сүр бараа болон морилж Эзэн хааны тал түүнийг Шаолинь хэмээх цэцэрлэгт хүрээлэндээ хүлээн авч хүндэтгэн асар их бэлэг сэлт өгсний дотор хаан хүнд зориулагдсан аяга байсныг Ноён уулын булшнаас олж он цаг, эдэлж байсан эзнийг хөөн тогтоосон тухай дээр өгүүлсэн билээ. Энэ үед Айди эзэн хаан нас барж хуантайз бага балчир тул эмэг эх нь төрийн хэргийг хөтөлж байсан гэх бөгөөд нарийдаа тэр эмийн нууц амраг бас нэг аугаа ихийн хэнээ туссан Ван Ман гэгч бүхнийг мэдэж байсан байна. Тэрбээр удалгүй Хан улсын хаан ширээг булаан авч Хүннүгийн талаар баримтлах бодлогыг чангатган Хүннүг хараат орнуудаас нь салгах, улмаар өөртөө нэгтгэх зорилгоор элдэв башир арга хэрэглэж байсны дотор МЭӨ 47 онд Хуханье шаньюйд адил тэгш улс гэдгийг баталгаажуулан олгосон "Хүннүгийн шаньюйн төрийн тамаг" гэсэн үг бүхий тамагийг өөрчлөн өөрийнхөө хязгаар нутгийн вангуудад олгодог тамагтай адил үгтэй тамаг болгон зальт аргаар хуучныг нь авч, оронд нь өгсөн явдал угтаа Хүннүгийн тусгаар тогтнолыг үгүйсгэсэн хэрэг байлаа. Ван Маны зүгээс явуулж буй бодлого нь Хүннүгийн эрх ашигт олон талаар харшилж байсан тул дайн дажингүй ная шахам жил зэрэгцэн оршсоны дараа МЭӨ 11 онд Үжүлю жоди шаньюй Хан улсад дайн зарлаж умард хил хязгаараар нь цөмрөн өдий төдий хүн, мал, эд хөрөнгийг олзолж сүйтгэл учруулсан байна. Энэ их аян дайнд алагдсан цэрэг эрсийн хүүрийг хүртэл оршуулж амжихгүй байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл үнэхээр аймшигт дайн болсон бололтой. Ван Ман элдэв арга мэх хэрэглэж байсны дотор Хүннүгийн эв нэгдлийг бусниулах зорилгоор Хуханье шаньюйн ураг төрлийн вангуудыг урин даллаж тэднээс 15 хүнийг сонгон тийм тооны шаньюй гаргах гэсэн ч тэд урван очоогүй ба ганцхан Хянь гэгч ванг барьцаанд байсан хүүгээр нь айлган ирүүлж хүчээр "шаньюй" болгон буцаасан боловч тэрбээр хууль ёсны шаньюйн өмнө буруугаа хүлээж очсоныг өршөөж хэргэм цол бууруулан Хятадтай байлдуулахаар явуулсан байна. Үүнийг нь мэдсэн Ван Ман барьцаанд байсан хүүг нь цаазаар аваачиж хилэнгээ дарсан гэнэ.
Хүннүгийн зүгээс өдөөн эхэлсэн энэ аян дайныг эсэргүүцэн нэг мөр их хүчээр дарах, улмаар тэднийг Шивэр их ойт газар шахан холдуулах нь зүйтэй хэмээн Ван Ман дотоодын зөрчил маргаанаа үл хайхран гагцаараа шийдэж 10 сарын хоол хүнс бүхий 300 мянган хүнтэй армийг илгээсэн агаад тэр нь умард хил дээр цааш довтлох эсэх шийд хүлээж удсанаас эмх замбараагүй байдал үүсч, цэргүүд нь оргож босох болсноос арга буюу тарааж заримыг нь өөр газарт шилжүүлэн байрлуулжээ. Ингэх болсны гол шалтгаан нь хаан ширээг булаан авсан Ван Маны эсрэг энд тэндгүй бослого гарч дотоодын хямрал үүссэнтэй холбоотой байсан гэж сурвалж бичигт тэмдэглэсэн байна.
Хүннүгийн хувьд амсхийх боломж олдож, Хан улсын хараат байдлаас гарах, түүгээр ч барахгүй Хан улс бүрмөсөн бутрах эсэхийг цэргийн хүчээр бид шийднэ хэмээн тулган шаардсан боловч Үжүлю жоди шаньюй нас барсан, их ган зуд болсон зэрэг тодорхой нөхцөл байдлаас болж хэрэгжиж чадаагүй ажээ. Хүннүчүүд Үжүлю жоди шаньюйгаа их хүндэтгэлтэйгээр "Хүннү" /Ноён/ уулынхаа тэнүүн сайхан дэнж дээр хөдөөлүүлснийг 1911 жилийн дараа буюу 1924 онд Баллод гэгч нэгэн бээр санамсаргүй нээн олоогүй бол Хүннү судлал өдийд ямар байх байсныг хэн мэдлээ. Баллодод баярлах ёстой бус уу. Одоо Үжүлю жоди шаньюйгаас хойш жаахан хөөж үзье.
Байлдаант улсын дайнч зон олно сэтгэл зүрхэнд Үжүлю жоди шаньюйнх нь сэргээсэн тусгаар тогтнолын төлөөх байлдаан нийцсэн нь ойлгомжтой билээ. Цаг үе тийм байлаа. Харамсалтай нь үе үеийн шаньюй нарынх нь татвар хатан, вангуудын эхнэр болж ирсэн нанхиад бүсгүйчүүдээс төрсөн хуантайз болон толгой эргэм олон хэргэмтнүүдээр дамжин Хятадын талыг баримтлагчдын хүрээ тэлсээр байлаа. Чухамдаа Үжүлю жоди шаньюйг нас барсны дараа Хятадын талыг баримтлагчдын урсгал давамгайлах шинжтэй болсон ажээ. МЭӨ 33 онд Хүннүгийн газарт ирж Хуханье шаньюйн хатан байгаад түүнийг үхэхэд Үжүлю жоди шаньюйн эхнэр болж очоод төрүүлсэн хоёр охиных нь нэгэнтэй ханилсан Хүннүгийн хууль цаазыг сахиулах үүрэгтэй Шувуу аймгийн нэгэн хэргэмтэн Сюйбудан гэгч давамгайлан гарч ирсэн байна. Тэрбээр Хятадын хаан ширээг булаан авсан Ван Маны хүчээр "шаньюй" болгож байсан Хянь /МЭ 14-18/-ийг Үлэй жоди цолтойгоор шаньюйн ширээнд хүч түрэн суулгасан байна. Өөрөөр хэлбэл хятадын талыг баримтлагчид ширээг булаан авсан ажээ. Хянь нь шаньюйн ширээнд суумагцаа төрсөн дүүгээ Зүүн гарын Луули ван болгож, Үжүлю жодигийн хүү, Зүүн гарын жуки Сутухубэнь хуантайзыг далдуур хороосон ажээ. Хөөрхий Хянь барьцаанд байгаа хүүгээ амьд гэж итгэн Хятадтай дайтах гэсэн аливаа оролдлогыг хязгаарлан барьж, элч зарж найрсаг байх тухайгаа Ван Манд мэдэгдсэн байна. Энэ үед Хүннүгийн хараат нэгэн аймаг Хятадын эсрэг тэмцсэн тул Ван Ман тэдний толгойлогчдыг барьж ирүүлэх, оронд нь хүүгээ буцааж авахыг санал болгосноор олон тооны хүнийг барин авч хүргүүлсэн боловч хариуд нь аль эрт цаазлагдсан хүүгийнхээ хүүрийг хүлээж авсан ажээ. Дайсан гэгч ийм аргатай байдаг болой. Хянь МЭ 18 онд нас барж, түүний дүү Юй /МЭ 19-46/ гэгч Худурши-Дао-гао жоди цолтойгоор ор суужээ. Тэрбээр гүрэн улсаа сэргээн мандуулах талаар бага биш зүтгэл гаргасан ч төгс хэрэгжүүлж чадалгүй насан өөд болж, түүний хоёр дахь хүү Пуну гэгч ор суугаад Хятадтай найрсаг байх бодлогыг барьж, элч зардас илгээсэн ба түүнтэй зэрэгцэн бас Үжүлю жодигийн нэгэн хүү Би гэгч зэрэгцэн гарч ирсэн агаад МЭ 48 онд өмнөд Хүннүгийн эрхтэн дархтангууд Би-г Хуханье шаньюй хэмээн өргөмжилж умард Хүннүгийн довтолгооноос Хятадыг хамгаалах үүрэгтэйгээр тэдний талд урван орсон ажээ. Ийнхүү Хятадын талаас өөртэйгөө эн зэрэгцэн орших Хүннү улсыг бутарган сарниулж устгах олон жилийн далд бодлогоо хэрэгжүүлсэн байна. Би МЭ 55 онд нас барсны дараа түүний дүү нар болох Мо /МЭ 55-56/, Хань /МЭ 56-59/, хүүхдүүд нь болох Ди /МЭ 59-63/, Жан /МЭ 63-85/, ач хүү нь болох Су /МЭ 63/ ор суусан аж. Энэ бол эмгэнэл байлаа. Хятадад нэгэнт л дагаар орсон бол Эзэн хааны өмнө газар сөхрөн мөргөж үнэнчээ илэрхийлдэг ёстой байжээ. Би-г Хятадад дагаар ороход Эзэн хаанд үнэнчээ илэрхийлж гутлыг нь үнсэн мөргөхийг шаардахад "нууцаар мөргөе, олны өмнө мөргүүлэхгүй байгаач" хэмээн уйлан гуйж байсан гэснээс үзэхэд өмнөд Хүннүгийн эвэртэн туурайтнууд ямар арчаагүй байдалд орсон нь тодорхой байна. Хар хайрцагны гэнэ үү, юуны гэнэ төрөө авч явах бодлого алдагдваас ийн эмгэнэлт байдалд хүрдэг байна.
Энэчлэн эзэн Чингисийн байгуулсан аугаа их гүрэн бутран тарж хумигдсан нь бас иймэрхүү болчимгүй бодлогын золиос болсон бизээ хэмээн нэхэн санаж эл тэмдэглэлээ дуусгая.


Top
   
PostPosted: May.20.15 9:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3620
Location: Өвөлд
mark


Top
   
PostPosted: Oct.24.15 6:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
panther wrote:
энэ титэм, ширдаг эд хаа байгаан бол, үзэх юмсан, баярлалаа Болоодоо . ингэхэд нөгөө харгис зуун яасан бэ, өөр нууц нэрээр оруулаач


Хүннү шанью -ийн алтан титэм Өвөр Монголын Далан хар уулнаас олдсон.
Нөгөө алдарт титэм энэ байна даа. :bigthumpup:


Attachments:
210029_2014112109181875914500.jpg
210029_2014112109181875914500.jpg [ 97.5 KiB | Viewed 502 times ]
BSzvO0sCIAA-tsB.jpg
BSzvO0sCIAA-tsB.jpg [ 30.41 KiB | Viewed 502 times ]
Top
   
PostPosted: Oct.24.15 6:52 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Хүннү-гийн зарим нэг түүхэн олдвор нь ур хийцээрээ тухайн цаг үедээ гайхуулж байж ээ. :-)

Хүннүгийн Эзэн Шаньюйгийн хэрэглэж байсан Алтан Луут бүс


Attachments:
BeltBuckleXianbei3-4thcentury.jpg
BeltBuckleXianbei3-4thcentury.jpg [ 42.77 KiB | Viewed 496 times ]
Top
   
PostPosted: Oct.24.15 6:54 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
Ноён уулын Хүннүүгийн булшаас гарсан Лууны дүрс. Луу хятадаас өмнө Монголд бүтээгдсэн байх үндэстэй Лууны яс манайд л бий
Маш их харамсалтай нь Луу монголоос гаралтайг нотолсон Ноён уулнаас олдсон энэхүү хосгүй олдвор маань подвальд цаасан хайрцаганд ШУА-ийн Археологийн музейд хадаглагдаж байна. Үүнтэй адил хосгүй олдворууд, үлэг гүрьэлийн араг ясууд гээд зөндөө зүйл илжирсэн байдалтай байна.


Attachments:
BAkgF6kCAAAGClH.png
BAkgF6kCAAAGClH.png [ 159.38 KiB | Viewed 496 times ]
BjibTlaCUAAjBUq.jpg
BjibTlaCUAAjBUq.jpg [ 40.29 KiB | Viewed 496 times ]
f7f3340c-86a5-4bdb-b843-03c71c7ff0a2.jpg
f7f3340c-86a5-4bdb-b843-03c71c7ff0a2.jpg [ 123.15 KiB | Viewed 493 times ]
Top
   
PostPosted: Oct.29.15 2:56 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Apr.15.02 5:54 pm
Posts: 754
Location: Japan, Tokyo
Гоё ном байна. Оруулсан Bloood-дээ оройтсон ч гэсэн баярлалаа... Эртний дурсгалуудыг нь ч гэсэн нэг завандаа олж үзье байз. Өвөр Монголоос олдсон титэм нь одоо хятадад л байгаа байх даа? Тайванд нэг Монголын тухай төрөлжсөн музей байдаг гэж дуулсан очиж үзэх юмсан...

_________________
...


Top
   
PostPosted: Aug.17.16 1:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 65
daad wrote:
Гоё ном байна. Оруулсан Bloood-дээ оройтсон ч гэсэн баярлалаа... Эртний дурсгалуудыг нь ч гэсэн нэг завандаа олж үзье байз. Өвөр Монголоос олдсон титэм нь одоо хятадад л байгаа байх даа? Тайванд нэг Монголын тухай төрөлжсөн музей байдаг гэж дуулсан очиж үзэх юмсан...


Harin tmee neeree soninoos Mongoliin Nuuts Towchoo-nii eh huwi ni Beejingiin muzeid bdag gesn, haramsaltai ni eruusuu mongolchuudad uzuuldeggui gesn :??: tend yu bga bolood bid nart uzuuldeggui yum boloo? Bur sonirholtoi sanagdaad bga, ta nar sonsson uu gui yu? :think:


Top
   
PostPosted: Sep.26.16 12:06 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.26.16 12:03 pm
Posts: 1
panther wrote:
за маш сонирхолтой хэсэг бна, шороту-гийн хүү гээд байгаа Атилла , монголын нэртэй хаадын нэг Атилла мөн үү, яг хааны удам биш юм байх даа, Блоодоо баярлалаа

Модун Шаньюй романы 2 дахь хэвлэл нь хаагуур зарж байгаа бол?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 71 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited