#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 6:32 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 285 posts ]  Go to page Previous 13 4 5 6 711 Next
Author Message
PostPosted: Apr.15.15 8:55 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Harin tiin uul ni Angli deer Macri gej bsan.
Infernogiin kino 2016 ond garna gsn. Lost Symbol ni daraa ni 17 18 onoos l garah yum shig bsan. Ingeseer baital Tom Hanks hugshirluu :razz:
Neeree eniig unshihdaa ene soundtrackiig ni namuuhan shig taviad unshuul iluu surtei baij magadgui shuu
http://share.gogo.mn/SwN44NHmev33741429 ... OST%29.rar
Nadad ene soundtrack ni aimar ih taalagddiin. Hans Zimmeriin hugjim

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.16.15 12:00 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
someone гэж байхаар нь шинэ бүлэг оруулчиж гэж горьдлоо ш дээ, тэр хаягдсан хуудсыг нэг их анзаараагүйм бна, харин юун Ребекка вэ гэж бодоод л өнгөрсөн


Top
   
PostPosted: Apr.16.15 4:38 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 69

Бүтэж үхдэгийн даваан дээр, Ландон шатаар дээшээ өгсөн, харанхуй нүхний дээр бадамлах гэрэл өөд зүтгэнэ. Дээр хүмүүс ярилцах нь сонсогдох авч, юу яриад байгаа нь ойлгомжгүй байв. Түүний толгойд кардиналын цээжин дээр сийлсэн тамга л эргэлдэнэ.
Шороо... шороо ...
Шатны дээд гишгүүр рүү өгсөж явахад нь нүд нь бүрэлзээд, ухаан нь балартаад явчихлаа. Хоёр гишгүүр дутуу байхад ... шатнаас гулган тэнцвэр алдлаа. Уруул нь татвага хийн эхэр татаад, тохойнх нь доогуур янгинах тэр эгшинд, Ландон хөл нь шатнаас салаад, агаарт хөвөх шиг болов.
Гэнэт, хоёр Швейцар жардын чанга гар булчингаас нь шүүрэн аваад, дээш өргөв. Тун удалгүй, Ландоныг чөтгөрийн цооногоос гаргаж ирэх агшинд, эхэр татан, уушги руугаа цэвэр агаар шунан соров. Татаж гаргаж ирсэн хоёр цэрэг, түүнийг хүйтэн гантиг шалан дээр нуруугаар нь зөөлөн тавилаа.
Ландоны ухаан балраад дэн дун, хаана байгаагаа ч мэдэхгүй гиюүрнэ. Дээр одот тэнгэр, эрхэс гариг эргэлдэнэ. Нэг харанхуй дүрс дээгүүр нь сүүмэлзэнэ. Хүмүүс ярилцана. Ландон чулуун пирамидын суурь түшин хэвтэж байснаа, босох гэж оролдов. Нэг их дуугаар хараал тавих хүний дуу сонсогдох үеэс, Ландоны ухаан санаа эргэн орж, хэн болохыг нь төвөггүй танилаа.
Оливетти - Витториа руу: «Яагаад та нар энэ газрыг эхэлж олсонгүй вэ» хэмээн халаглан хашхична.
Витториа тайлбарлах гэсэн боловч Оливетти огт тоомсорлосон шинжгүй, цаашаагаа эргэж: «Цогцсыг тэндээс гарга! Байшинг нэгж!» хэмээн цаад хүмүүс рүүгээ зандрав.
Ландон дахиад л суух гэж оролдов. Чиги сүм Швейцар жардаар дүүрч, тэд сүмийн нуман хаалгыг хааж байсан хулдаасан хөшгийг хуу татан авахад, уушги нь цэвэр агаараар цэлийтэл дүүрлээ. Аажмаар ухаан мэдрэл нь эргэн эрж, өөр рүү нь дөхөж яваа Витториаг олж харлаа. Бүсгүй өмнө нь сөхрөөд, өөдөөс нь харж байгаа нь яг л сахиулсан дагина шиг байв.
«Зүгээр үү?» гэж Витториа гарыг нь барьж, судасных нь лугшилтыг чагнахад, зөөлөн цагаан гар нь дотно сайхан санагдана.
«Гялайлаа» гэж хэлэнгээ Ландон өндийж суугаад: «Оливетти галзуурах гэж байна уу» гэлээ.
Витториа толгой дохиж: «Аргагүй шүү дээ. Хоёулаа уурлуулчихсан юм чинь».
«Би уурлуулчихсан юм чинь гээч».
«Дараагийн удаа, өрсөж очоод, гэмээ цайруул даа».
«Дараагийн удаа?» Ландон гутрангуй: «Дараагийн удаа гэж байхгүй ээ. Ганц боломжоо алдчихлаа.
Витториа Ландоны цагийг харав. «Дөчин минут байна гэж цаган дээр чинь байгаа Микки хэлээд байна шүү дээ. Толгойгоо дайчлаад, дараагийн тэмдгийг олоход туслаач» гэв.
«Витториа, би хэлээд байна шүү дээ. Баримлууд алга болчихсон. Гэгээрлийн мөр чинь» гэснээ Ландон зог тусав.
Витториа зөөлөн мишээнэ.
Ландон хөл дээрээ үсэрч босоод, хүрээлэн байгаа уран баримлуудыг сонжиж эхлэв. Пирамид, од, эрхэс, тойрог зам. Гэнэт бүх юм байр байрандаа байх мэт санагдаад явчихлаа. Энэ чинь эрдмийн эхний шүтээн шүү дээ! Пантеон биш! Гэгээрлийн сүм ямар их нууцлаг, далд байсныг одоо тэр гайхаж эхлэв. Чиги сүм хэний ч үл ажиглам дуганы хажуу тасалгаанд - бараг л хананд гаргасан нүх шиг юман дотор байсан бөгөөд шороон махбодлог бэлгэдлээр дүүрсэн байлаа. Төгс гэж энэ дээ.
Ландон асар том пирамид баримлыг ширтэн, хана руу дөхөв. Витториагийн зөв байжээ. Энэ сүм эрдмийн анхны шүтээн юм чинь анхны тэмдэг болсон Иллюминатигийн баримлыг одоо болтол хадгалж байж магадгүй. Боломж байгаа юм байна шүү гэсэн сайхан бодол Ландоны толгойд гялсхийн орж, найдлагын дөл дүрсхийн бадамлав. Тэмдэг энд байгаа л бол тэр тэмдгийг дагаад, эрдмийн дараагийн шүтээн рүү очиж, алуурчныг барьж болно.
Витториа дэргэд дөхөж очоод: «Би Иллюминатигийн урлаач хэн байсныг мэдээд авсан шүү» гэв.
Ландон гайхан: «Юу гэнэ ээ?» хэмээн эргэж харав.
«Бид одоо энд байгаа аль баримал нь»
«Байзаарай, байзаарай. Чи Иллюминатигийн урлаач хэн байсныг мэдээд авчихсан гэсэн үү?» Ландон түүнийг олох гэж олон жил хичээсэн билээ.
Витториа инээмсэглэн: «Бернини л байсан юм биш үү?» гэв.
Бүсгүй буруу бодож байна гэж Ландонд бодлоо. Бернини байх боломжгүй юм. Жанлоренцо Бернини бол Микланжелогийн дараа л орох хоёр дахь гайхамшигт барималч байлаа. 1600-аад оны үед, Бернини хэн хэнээс илүү олон баримал барьжээ. Харамсалтай нь, хайж байгаа хүн нь тэр биш, нэр усгүй, алга болсон урлаач байлаа.
Витториа хөмсгөө зангидан: «Чи нэг л гайхсан шинжгүй байх чинь» гэв.
«Бернини биш ээ».
«Яагаад? Бернини чинь Галилеотой нэг үед амьдарч байсан гайхалтай бүтээлч шүү дээ».
«Тэр гайхалтай хүн маань католик байсан юм шүү дээ».
«Тэгээд юу гэж? Галилео ч бас католик л байсан шүү дээ».
«Үгүй дээ» гэж Ландон арцаад: «Галилеотой адил ч биш шүү. Галилео Ватиканы талд аргагүй болоод л орсон юм. Харин Бернини бол Ватиканы асарсан хүү нь. Орон хийдийнхэн Берниниг хайрлан хүндэлдэг байсан болохоор, Ватиканы урлагийн захирагчаар хүртэл сонгож байсан юм. Бараг л бүх амьдралынхаа турш Ватиканд амьдарсан хүн шүү дээ».
«Гайхалтай халхавч. Иллюминатигийн халхавч».
Ландон залхсан байртай: «Витториа, аан гэж бай. Иллюминати нууц барималчаа il maestro ignito буюу нууц урлаач гэдэг байсан юм».
«Тэд өөрснөө ч мэддэггүй л байсан байхгүй юу даа. Масонуудыг бод л доо, зөвхөн дээд төвшний гишүүд нь л бүх нууцаа мэддэг шүү дээ. Галилео жишээ нь Берниниг мэддэг байсан ч өөрийнх нь төлөө бусад гишүүндээ хэлээгүй ч юм билүү. Тэгвэл, Ватикан ч бас юу ч мэдэхгүй л өнгөрнө шүү дээ».
Витториагийн ярьж байгаа зүйтэй байсан ч гэсэн Ландоныг л лав үнэмшүүлж чадсангүй. Иллюминати нууц хадгалахдаа сүрхий, тал тал мэдээллийг энд тэнд хадгалдаг, гагц дээд төвшнийхөн л бүх нууцаа мэддэг байлаа. Ингэж л тэд нууцлаг үлдэж чадсан агаад ... бүх юмыг мэддэг хүн үнэндээ хуруу дарам байдаг байжээ.
Витториа цааш нь үргэлжлүүлэн: «Тийм ч учраас Бернини тэр хоёр том пирамидыг энд барьсан байхгүй юу» гэж хэлээд жоготой ёо инээмсэглэв.
Ландон пирамид руу эргэж харан толгой сэгсэрснээ: «Бернини шүтлэгтэй хүн байсан, энэ хоёр пирамидыг барьсан байх учиргүй» гэлээ.
Витториа мөрөө хавчсанаа: «Наадахаа цаанаа байгаа хавтандаа хэл» гэлээ.
Ландон эргэж хавтан дээр байгаа бичгийг уншив.
ЧИГИ СҮМИЙН БАРИМАЛ
Сүмийн архитектурыг Рафаэль, харин дотоод бүх заслыг Жанлоренцо Бернини урлав.
Ландон хавтанг хоёронтоо уншсан ч бас л үнэмшихгүй байлаа. Жанлоренцо Бернини бүтээлээ Онгон Мариа, сахиулсан тэнгэр, бошигот найдангууд, Папад л зориулж байснаас юугаа хийж энд, пирамид барьж байх билээ?
Ландон сүндэрлэн буй аугаа том пирамидыг мэлийн зогсоно. Тус бүр гялалзсан зууван медалионтой хоёр том пирамид байх ба одод, одон зурхайн ордны тэмдгүүд гээд л огт христийн бус тэмдэг дүүрэн. Дотоод бүх заслыг Жанлоренцо Бернини урлав. Хэрэв энэ бичиг үнэн бол Витториагийн зөв байлаа. Хэрэв Бернини Иллюминатигийн нууцлаг урлаач байсан бол түүнээс өөр хэн ч энэ сүм дотор байгаа баримлуудыг урлаагүй байж таарна. Хэрэв тийм бол юу болох байсныг Ландон бодохоос бэрхшээв.
Бернини Иллюминатус байжээ.
Бернини Иллюминатигийн амбиграм тамгуудыг урлажээ.
Бернини Иллюминатигийн Гэгээрлийн мөрийг засжээ.

Ландон ярих ч завгүй бодно. Энэ өчүүхэн Чиги сүмд дэлхийд алдартай Бернини ирээд, эрдмийн дараагийн тахил руу Ромыг хөндлөн гулд заасан баримал барьсан гэж үү дээ?
«Бернини гэж би л лав зүүдэлж ч чадахгүй юм байна» гэлээ.
«Ватиканы алдарт барималчаас өөр хэн Ром даяар хэрсэн Гэгээрлийн мөрийг засах гээд католик сүмүүдээр хэсч явах юм бэ? Энгийн нэгэн бол яав ч чадахгүй шүү дээ».
Ландон тэр тухай бас л бодож байлаа. Тэгээд нөгөө хоёр пирамид руу харж аль нэг нь тэмдэг байж болох уу гэж бодно. Хоёулаа ч юм уу? «Хоёр пирамид өөд өөдөөсөө харчихсан байх» гэж Ландон бувтнан яахаа мэдэхгүй ажна. «Хоёулаа яг ижилхэн юм, ёстой мэдэхгүй юм даа» гэв.
«Бидний хайж байгаа юм пирамид биш байх аа».
«Байгаа ганц баримал нь л энэ хоёр байна шүү дээ».
Витториа - Оливетти туслахуудтайгаа үймэлдэн буй чөтгөрийн цооног тийш зааж байна.
Ландон Витториагийн гарыг дагуулан ажсан боловч эхэндээ юу ч харсангүй. Гэтэл үймэлдэх цэргүүдийн нэг нь хөдлөх тэр агшинд, араас нь цагаан гантиг гялсхийн бултайв. Араас нь гap, цээж, баримлын нүүр цухуйсаар — хүний галбиртай хоёр дүрс тодроод ирлээ. Ландоныгийн зүрх нь огшоод явчхав. Тэр пирамид, чөтгөрийн цооног хоёрыг л ажаад цаана нь байсан тэр хөшөөг анзаарсан ч үгүй. Тэгээд, гүйхээрээ алхлан тасалгааг хөндлөн гулд туулаад, үймэлдэх хүмүүсийн дэргэдүүр өнгөрч, хөшөө рүү ойртохдоо, гайхалтай нарийн дүрсэлсэн нүүр, уран зохиомж, салхинд дэрвэх мэт хувцас гэх мэт Бернинигийн бүтээлийн хэв шинжийг тодорхой ажиглаж эхлэв. Тулж очсоныхоо дараа мань хүн хөшөөнд дүрсэлсэн хоёр этгээдийг таньж, аяархан дуу алдав.
Витториа ард нь ирмэгцээ: «Энэ хоёр чинь хэн юм бэ?» гэв.
Ландон баримлыг биширсэн хэвээр Хабаккук, ангель хоёр хэмээн сонсогдох төдий бувтнав. Энэ бол Бернинигийн нэлээн алдартай бүтээлүүдийн нэг, урлагийн түүхийн зарим номд хүртэл орсон байдаг ажээ. Ландон энэ баримал энд байдгийг мартчихсан байв.
«Хабаккук гэнэ ээ?»
«Ертөнц мөхөхийг зөгнөсөн хамба».
«Энэ - нөгөө тэмдэг мөн үү?»
Ландон бишрэнгүй толгой дохино. Амьдралдаа хэзээ ч ийм итгэл төгс байсангүй. Энэ Иллюминатигийн анхны тэмдэг байлаа. Эргэлзэх зүйл алга. Эрдмийн дараагийн тахилыг зүг чиглүүлэх баримлыг ямар нэгэн байдлаар «заасан» байх ёстой гэж Ландон бодож байсан ч бүр ийм илт байх юм гэж бодсонгүй. Ангель, Хабаккук хоёр хоёулаа гараа сунган, алсад чиглүүлсэн байв.
Ландон инээвхийлэн: «Тийм ч бэрх биш юм байна шүү» гэлээ.
Витториа нэлээн эргэлзэнгүй: «Энэ хоёр чинь өөр өөр зүг рүү заагаад байна шүү дээ. Ангель нэг зүг рүү, харин нөгөөх нь нөгөө зүг рүү нь» гэв.
Ландон хөхрөв. Хоёр баримал хоёулаа яг эсрэг зүг рүүгээ зааж байлаа. Гэхдээ Ландон үүнийг ойлгочихсон, зөв зүгээ олчихсон байсан болохоор, хаалга руу хурдан хурдан алхаллаа.
«Хаачихна вэ?» гэж Витториа хойноос хашхирав.
«Байшингийн гадаа гаръя» гэж Ландон хэлээд, хөл нь хөнгөрөн, хаалга руу гүйн одлоо. «Баримал хаашаа зааж байгааг очиж харъя» гэв.
«Хүлээ л дээ! Чи аль хурууг нь дагахаа яаж мэдээд байгаа юм бэ?»
«Шүлэгээ сана л даа» хэмээн явуут дундаа хашхирав. «Сүүлийнх нь мөрийг!»
«Ангель бүр ариун эрлийг чинь заана?» Бүсгүй эргэн харж ангелийн зааж байгаа зүг рүү харснаа: « Өө, нээрэн тийм шүү дээ, би гэж тэнэг, санасангүй шүү» гэж бувтналаа.
Хэсэг 70

Гунтер Глик, Чинита Макри хоёр дэль Пополо талбайн харанхуй буланд, ВВС-ийн мухлаг тэргээ зогсоожээ. Дөрвөн Альфа Ромео ирсний дөнгөж дараахан, үйл явдлын халуун мөрөөр мөшгөхөөр амжиж иржээ. Чинита юу болоод байгааг ойлгоогүй боловч камераа бариад, бичлэгээ хийж байв.
Глик, Чинита хоёр дөнгөж ирмэгцээ л дөрвөн Альфа Ромеогоос хүдэр залуус үсрэн гарч ирээд, сүмийг тойрон хамгаалалтад авахыг харлаа. Зарим нь зэвсгээ бэлэн барьжээ. Арай ахимаг нэг нь нөгөө хэдээ удирдан, сүмийн урд хаалга руу давшлан очиж, дааман хаалганых нь цоожийг дэлбэлж орхив. Гэхдээ, Чинита юу ч сонсоогүйг бодоход, дуу намсгагч хэрэглэсэн бололтой. Нөгөө цэргүүд сүм рүү нэвтрэн орлоо.
Чинита машиндаа суугаад, сүүдэрлэг газар нуугдсан хэвээрээ зурагаа авъя гэлээ. Буу бол буу, дээрээс нь тэдний байгаа газраас болж байгаа бүх үйл явдал тов тод харагдаж байв. Глик ч төдийлөн арцсангүй. Тэгтэл, нөгөө залуус сүмийн үүдээр орж гаран үймэлдэж, бие бие рүүгээ хашхирч ярилцана. Тэр залуус ойр орчмоо нэгжиж эхлэхэд нь, Чинита камерынхаа линзийг тохируулан татав. Бүгд энгийн хувцастай ч гэсэн цэргийн хүмүүс гэдэг нь илт. «Тэд хэн юм болоо» гэж бүсгүй асуув.
«Мэддэг сэн бол ч» гэж Глик хэлснээ: «Чи бичлэг хийж байна уу» гэв.
«Нэгд нэгэнгүй».
Глик: «Пап тодрохыг сахиж хүлээж суумаар л байна уу?» хэмээн тохуурхан асуув.
Чинита юу хэлэхээ мэдсэнгүй. Ямар нэгэн юм энд болоод байгаа нь тодорхой ч, сонирхол татсан юм заримдаа энгийн, ямар ч ач холбогдолгүй байх тохиолдол байдгийг, олон жил сэтгүүлч дагаж явсан туршилгаараа мэдэж байлаа. «Юу ч биш байж магадгүй шүү дээ. Чиний сонссон юмыг сонсчхоод, шалгаж яваа ч юм билүү. Хуурмаг түгшүүр байж болно шүү дээ».
Глик бүсгүйн гарыг татан: «Тийшээ тат даа» гээд сүмийн ар тал руу заав.
Чинита камераа шатны дээгүүр чиглүүлэн, сүмээс гарч яваа эрийг: «Сайн уу, хө» хэмээн зураглаж гарав.
«Хэн гэдэг дэгжин залуу вэ?»
Чинита камераа татан дурандсанаа: «Өмнө нь хараагүй л хүн байна» гэв. Тэгээд камераараа бүр ойрхон татаж нүүрийг нь хараад: «Гэхдээ, энэ хүнтэй дахиад дайралдвал би л лав гайхахгүй дэг» гэлээ.
Роберт Ландон сүмийн гаднах шатаар доош матиран, өмнөх талбайн гол руу алхална. Харуй бүрий болж, хаврын наран өмнөд Ромд оройхон шингэж байлаа. Нар байшингуудын цаагуур орж, сүүдэр нь талбай дээгүүр суналзан мөлхөж байв.
«За, Бернини гуай. Ангель чинь, тэгээд, хаашаа заагаад байгаа юм бэ дээ?»
Дөнгөж гарч ирсэн сүмийнхээ байршлыг эргэж хараад, Чиги сүмийн дотор талыг санаандаа төсөөлөн, ангелийн зааж байгаа зүгийг олох гэж бодолхийлнэ. Огт эргэлзээгүйгээр, тэр наран шингэж буй өрнө зүг рүү хараа сунгав. Цаг урссаар.
«Баруун өмнө» гэж өөртөө хэлээд, харааг нь хаагаад байгаа дэлгүүр, байшингуудын дээгүүр харах гэж өндөлзөнө. «Дараагийн тэмдэг тэр хавьд л байгаа даа».
Тархиа дайчлан байж, Ландон Италийн урлагийн бүх түүхийг хуудас хуудсаар нь эргэн санах гэж оролдоно. Хэдийгээр, Бернини алдартай уран барималч ч гэсэн, бүтээсэн бүх баримлыг нь, мэргэжлийн хүн байсан ч, нэгд нэгэнгүй тоочин санахын аргагүй олон билээ. Гэхдээ, анхны тэмдэг Хабаккук, Ангель хоёр гэдэг баримал харьцангуй олонд танигдсан бүтээл байсан болохоор, хоёр дахь тэмдэг нь бас л санаанд тод байх нэгэн бүтээл байж магадгүй хэмээн найдна.
Шороо, хий, гал, ус. Шороо-г нь - Шороон сүм дотор, ертөнцийн мөхлийг зөгнөсөн бошигот Хабаккукийг олчихсон байв.
Хий дараагийнх нь. Ландон тархиа гашилгана. Хийтэй холбоотой Бернинигийн ямар нэг бүтээл! Бодоод бодоод олдохгүй байх авч, дотроо тун урамтай байв. Би Гэгээрлийн мөрөөр явж байна! Одоо болтол байж л байгаа юм байна шүү дээ!
Ландон байшингуудын дээгүүр, баруун өмнөш өнгийн харвал сүмийн орой, цамхгаас өөр юм огт харагдахгүй ажээ. Газрын зураг хэрэгтэй. Эндээс баруун өмнөш ямар сүм дуган байгааг олж чадвал, аль нэг нь сэдэл өгч магадгүй гэж Ландон бодлоо. Хий. Бернини. Баримал. Хий. Бодооч!
Ландон буцаж шатаар өгсөж явахдаа Витториа, Оливетти хоёртой дайралдав.
«Баруун өмнөш. Дараагийн сүм эндээс баруун өмнөш байгаа» хэмээн Ландон үглэнэ.
«Энэ удаад итгэлтэй байна уу, та?» гэж Оливетти их л хүйтэн асуув.
Ландон тэрийг нь тоосонгүй: «Газрын зураг хэрэгтэй байна, Ромын бүх сүм хийдийн байршлыг харуулсан зураг хэрэгтэй байна» гэлээ.
Захирагч хүрлийсэн царайгаа огт хувиргалгүй, Ландоныг хэсэг ажиглан зогсов.
Ландон цагаа харснаа: «Хагас цаг л үлдээд байна шүү дээ» гэлээ.
Оливетти, Ландоны хажуугаар нь гарч сүмийн өмнө зогсоосон машин руу алхахад нь, газрын зураг олж ирэх нь үү гэмээр байв.
Витториа гайхан: «Ангель баруун урагшаа зааж байгаа юм уу? Баруун урд ямар ямар сүм байдгийг мэдэхгүй юү?» гэв.
Ландон эргэж талбай руу харангаа: «Би байшин дээгүүр харж чадахгүй байна. Би Ром дахь сүм хийдийн тухай сайн мэдэхгүй» гэлээ.
Витториагийн нүд нь том болон, гайхсан байртай: «Юу гэнэ ээ?» гэв.
Ландон шатаар өгсөн, талбай руу эргэж харлаа. Нэлээн дээшилсэн болохоор, алсын бараа овоо гайгүй харагдах болов. Гэхдээ, л хотын бараа тун барагтай үзэгдэнэ. Аргаа баран, эргэн тойрноо нэг харснаа, хэрэгтэй юмаа оллоо. Тэнд дээшээ зургаан давхар өндөр, сарнай хээтэй гол цонхных нь дээгүүр, сүмд тулгаж барьсан барилгын шаталсан тавцан байх агаад тэнд гарвал, талбай тойроод байгаа байшингуудын дээгүүр харж болох байлаа.
Чинита Макри, Гунтер Глик хоёр талбайн нөгөө захад, машиныхаа салхины шилэнд нүүрээ наачих шахан сууж байв.
«Чи бичлэг хийж байна уу» гэж Гунтер асуулаа.
Макри шатаар өгсөж яваа эрийн зүг камераа сунгана. «Хүн аалз гэхэд арай л гоё хувцас өмсчихсөн давхиж явна даа».
«Доор нь байгаа Аалзхай авхай нь хэн бэ?»
Чинита шатны доох нь байгаа шаавай хүүхнийг харснаа: «Чи мэдээд авмаар байгаа биз дээ?» гэв.
«Чи редактор руу ярих юм биш үү?»
«Болоогүй ээ. Жаахан харъя. Цуурганыг орхиод явчихсан хүмүүс чинь дуулгах сонинтой болсныхоо дараа ярихгүй бол болохгүй шүү дээ».
«Нэг зөнөгийг тэнд тонилгочихсон гэж чи нээрэн бодоод байгаа юм уу»
Чинита хөхрөн: «Чи ер нь тамд унах чинь тодорхой юм байна даа» гэв.
«Гэхдээ, Пульцерийн шагналаа аваад л унана даа».

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.16.15 5:54 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
[size=150]
Хэсэг 71

Барилгын шаталсан тавцангаар дээшээ авирах тусам улам дэнжигнэнэ. Гэхдээ, гишгүүр ахих тусам Ромын бараа улам тодорч байсан болохоор, Ландон авирсаар л байв.
Хамгийн дээд талын тавцан дээр гарч ирэхэд, санаснаас илүү аахилж байв. Будаг цацагдсан тавцан дээр дэнжигнэн гарлаа. Их өндөр байсан ч, огт санаа зовсонгүй, харин ч урамтай байлаа.
Алсын бараа гайхалтай харагдана. Ромын улаан вааран дээвэртэй байшингууд - жаргах нарны туяанд яг л гал далай дүрэлзэх шиг гялтайна. Ландон амьдралдаа анх удаа Бурхны хотыг Ромын агаарын бохирдол, замын бөглөрлөөс дээгүүр саравчлан харж зогслоо.
Байшингийн дээвэр дээгүүр Ландон сүмийн ганжир, хонхны цамхаг хайна. Алслан алслан харавч, нэгийг ч олсонгүй. Ромд зуу зуун сум бий. Эндээс баруун урагш ядаж ганц баймаар юм даа! Одоо болтол байгаа бол ядаж харагдмаар юм аа! хэмээн бодолхийлнэ.
Ландон тэнгэрийн хаяа хүртэл, дахин дахин нэгжин харна. Мэдээж, бүх сүм хийд, ялангуяа зам дагуу байх жижиг сүмийн ганжир эндээс харагдахгүй нь лав. 1600-аад оноос хойш Ром хот танихын аргагүй өөрчлөгдсөн байж таарна. Тэр үеийн хуулиар хамгийн өндөр байшин зөвхөн сүмийн барилга байх ёстой байсан бол одоо орон сууц, өндөр байшин, ТВ цамхаг л үзэгдэнэ.
Ландон хоёр дахь удаагаа тэнгэрийн хаяа руу хараа сунгав. Нэг ч ганжир харагдсангүй. Тэртээ алсад, Ромын хаяанд, Микланжелогийн урласан том гэгч бөмбөгөр орой жаргах нарны гэрэлд гялалзана. Гэгээн Петерийн ордон. Ватикан хийд. Швейцар жард антиматерийг олчихвол кардиналууд хэрхэн баярлах бол хэмээн Ландон бодовч тэгж чадахгүй л байх аа даа гэх совин татав.
Нөгөө шад шүлэг санаанд нь эргэлдэн, мөр бүрээр нь эргэн санана. Чөтгөрийн цооногтой Сантигийн шороон булшнаас. Сантигийн булшийг олчихсон. Ромыг хэрэн шидэт махбодууд хүрээлжээ. Тэр шидийн махбод нь шороо, хий, гал, ус шүү дээ. Ариун тэнслийн зүг гэрлийн мөр зурайж. Бернинигийн барьсан Гэгээрлийн мөрийг хэлж байна. Ангель бүр ариун эрлийг чинь заана.
Ангель ч баруун урагшаа л зааж байсан даа ...
«Дааман шат руу» гэж Глик хашхираад, машиныхаа салхины шил рүү галзуу юм шиг чичин: «Нэг юм болоод байна шүү» гэв.
Макри камераа эргүүлэн, дааман хаалганы урд талын гол шат руу чиглүүлэв. Үнэхээр, ямар нэг юм болоод байлаа. Цэрэг маягийн нэг залуу нэг Альфа Ромеог гол шатны эгц доор зогсоогоод, тээшийг онгойлгов. Тэгээд, талбай тойруулан хянаж байгаа хүн байгаа эсэхийг шалган, хянуур гэгч харлаа. Макрид тэр залуу тэр хоёрыг олоод харчих шиг санагдсан боловч нүд нь тэдэн дээр тогтолгүй өнгөрөөд, гар холбоогоороо цаашаагаа юм ярив.
Тэгмэгц, сүмийн хаалга онгойн, хэдэн залуу гарч ирлээ. Тэд америк хөл бөмбөгийн хориглох эгнээ шиг зайгүй нягт зогсон, биеэрээ хана болж, ямар нэг юмыг халхлан, доошоогоо зэрэг буулаа. Тэр хүн-ханын цаана дөрвөн цэрэг маш хүнд зүйл өргөн явж байгаа нь, бараг л харагдахгүй шахам байв.
«Сүмээс юм хулгайлж байгаа юм байх даа» хэмээн Глик цонхонд нүүрээ наах шахан хэлэв.
Чинита камераа телефото дээр нь тавиад, байдаг чадлаар нь татан хүн-ханын хооронд завсар гарахыг анана. Секунд хүрэхгүй хурдан дарна даа хэмээн тэр бувтнана. Ганц л зураг даръя, тэгээд л боллоо хэмээн үглэнэ. Гэвч, хүн-хана нэг хүн мэт хөдлөн, доош алгуур буулаа. За л даа гэж Чинита дахин давтан гонгинох тэр агшинд, боломж гэнэт гарч ирлээ. Өргөж явсан юмаа машины тээш рүү хийх тэр агшинд, Макрид зураг дарах боломж гарав. Хачирхалтай нь, тэр өргөж явсан юм нь настай хүн байлаа. Хоромхон зуур, Макри арав шахам зураг дарлаа.
«Редакц руу утастаарай. Хоёулаа ямартай ч хүн амины хэрэг оллоо» гэж Чинита хэлэв.
Алс хол СЭРН-д Максимлиан Колэр тэргэнцрээ Леонардо Ветрагийн өрөөн дотор жолоодон явна. Ветрагийн цаасан дундуур робот шиг сүлжинэ. Хайж байсан юмаа олоогүй Колэр унтлагынх нь өрөөнд орж орны хажуугийн шүүгээг татсанд цоожтой байлаа. Тэгэхээр нь, гал тогооны өрөөнөөс хутга авчирч хөшөөд, шүүгээг онгойлгов.
Дотроос нь, Колэр хайж байсан тэр зүйлээ оллоо.
Хэсэг 72

Ландон дэнжигнэн, барилгын шаталсан тавцангаас арай гэж бууж ирээд, тоос, шороо дарсан хувцсаа гөвөх зуур, Витториа түүн рүү дөхлөө.
«Олз омог муутай юу?»
Ландон толгой сэгсрэв.
«Кардиналыг тээшинд хийчихлээ».
Оливетти цэргүүдтэйгээ машиныхаа хамар дээр газрын зураг дэлгэчихсэн зогсож байгааг Ландон харлаа. «Тэд баруун өмнө зүгийг шалгаж байгаа нь тэр үү?»
Бүсгүй толгой дохиод: «Тийм. Эндээс Гэгээн Петерийн ордон хүртэл ямар ч сүм алга» гэв.
Ландон санаа алдав. Ядаж анх удаа, нэг юман дээр санаа нийлж байгаа нь энэ болохоор, тэр Оливетти руу очлоо. Цэргүүд зам тавин ярагдав.
Оливетти толгойгоо өндийлгөн: «Юу ч алга. Гэхдээ, энэ зураг дээр сүм нэг бүрийг биш, зөвхөн томуудыг нь л тэмдэглэсэн байна. Нийтдээ тавь орчим байна даа» гэлээ.
Ландон: «Бид хаана байна?» гэлээ.
Оливетти дэл Пополо талбайг заагаад, яг баруун урагш дагуулан заалаа. Тэр шугам Ромын томоохон сүмүүдийг тэмдэглэсэн дөрвөлжин хар тэмдгүүдээс нэлээн хол зөрж байв. Харин Ромын томоохон сүм гэдэг нь 1600-аад оны үед байсан эртний сүмүүд байх ажээ.
«Би шийдвэр гаргах хэрэгтэй байна. Та баруун урагш гэж зүгээ зөв тодорхойлсон биз?» хэмээн Оливетти тулгаж асуув.
Ландон ангелийн сунгасан гарыг санаандаа төсөөлөнгөө: «Тийм. Эргэлзээгүй» гэлээ.
Оливетти мөрөө хавчсанаа, нөгөө шугамыг дахин дагуулан харлаа. Тэр шугам Маргерита хатан хааны гүүр, Кола ди Риецо гудамжийг огтлон, Гэгээн Петерийн талбайн төв хүртэл нэг ч сүм хийдтэй дайралдалгүй үргэлжлэнэ.
«Гэгээн Петерийн ордныг яагаад тооцохгүй байгаа юм бэ? Тэр чинь сүм шүү дээ» гэж, нүдэн доороо гүнзгий сорвитой нэг цэрэг өгүүлэв.
Ландон толгой сэгсрээд: «Олны хөл үймсэн газар байх ёстой юм. Одоо бол тийм биш шүү дээ» гэлээ.
Витториа Ландоны мөрөн дээгүүр өнгийн: «Энэ шугам чинь Гэгээн Петерийн талбай дээгүүр өнгөрч байна шүү дээ. Одоо энэ талбай дээр ч ёстой, олны хөл үймж байгаа шүү» гэлээ.
Ландон тэр тухай бодож байсан болохоор шууд л: «Тэнд чинь нэг ч хөшөө баримал байхгүй шүү дээ» гэлээ.
«Гэхдээ, яг төвд нь чулуун суварга байгаа шүү дээ».
Тэр үнэхээр тийм байлаа. Гэгээн Петерийн талбайн яг голд нь Египетийн чулуун суварга байдаг билээ. Ландон тэр суваргыг санаандаа төсөөлөв. Ариун пирамид. Сонирхолтой л тохиолдол байна гэж бодсон ч тэр энэ бодлоосоо татгалзав. «Ватиканы гэрэлт хөшөө чинь Бернинигийнх биш, тэрийг чинь Калигула Египетээс авчирсан юм. Тэгээд ч хий-тэй ямар ч холбоогүй байна» гэлээ. Түүнээс гадна бас нэг асуудал байв. «Шүлэгт өгүүлснээр махбод Ромыг хэрсэн байх учиртай. Гэгээн Петерийн талбай чинь Ромынх биш, Ватиканых» гэлээ.
Нэг цэрэг дундуур нь орж ирээд: «Хэнээс асууснаас л шалтгаална даа» гэв.
Ландон толгой өргөн: «Юу гэсэн үг вэ?» гэлээ.
«Маргаад л байдаг шүү дээ. Ихэнх газрын зураг дээр Гэгээн Петерийн талбайг Ватиканы мэдэлд тэмдэглэсэн байдаг. Гэхдээ, талбай хэрмийн гадна байдаг болохоор Ром хотын захиргаа манайх гэдэг юм.»
«Тоглож байгаа байлгүй дээ». Ландон энэ тухай огт мэддэггүй байлаа.
«Оливетти захирагч, Ветра авхай хоёр хийтэй холбоотой баримлын тухай асуугаад байхаар нь л би энэ тухай хэлсэн юм» гэж тэр залуу хэлэв.
«Тийм баримал, тэгээд, Гэгээн Петерийн талбайд байдаг юм уу?»
«Яг ч тийм биш л дээ. Баримал ч биш. Магадгүй хамаагүй байх аа».
«Ярь л даа» гэж Оливетти хүчлэв.
Харуул мөрөө хавчаад: «Би талбай дээр харуулд гардаг, Гэгээн Петерийн талбайн булан нэг бүрийг гадарладаг болохоороо л, би энийг мэддэг юм».
«Тэр баримал чинь, тэгээд, ямархуу эд юм бэ дээ?» гэж Ландон шавдуулав. Иллюминати бүр яг Ватиканы гадаа, Гэгээн Петерийн талбай дээр тэмдгээ тавих сүйхээтэй гэж үү хэмээн мань хүн гайхаж байлаа.
«Би өдөр болгон талбай дээр харуулд гардаг. Тэгээд, энэ шугам дайрч байгаа тэр газар талбайн голд байдаг юм. Тэгээд л, би бодлоо л доо. Гэхдээ, би сая хэлсэн шүү дээ, тэр чинь баримал биш... хавтан байхгүй юу» гэв.
Оливетти галзуу юм шиг: «Хавтан ий?» гэж асуув.
«Яг тийм, эрхэм ээ. Талбайд суулгасан хавтангууд шиг гантиг хавтан, чулуун суваргын доор байдаг юм. Гэхдээ тэр дөрвөлжин биш, зууван. Дээр нь салхи үлээж байгаа бололтой зураас зурчихсан байдаг юм» гэснээ зогтусаад: «тэр эрдмийн хэлээр яривал хийн урсгал гэх үү дээ» гэлээ.
Ландон нөгөө цэрэг рүү хараа салгалгүй ширтэн: «Ашгүй дээ!» гэлээ.
Бүгд л тэр цэрэг рүү харж байв.
«Цоолбор гэдэг чинь уран баримлын нэг хэлбэр шүү дээ» гэж Ландон өгүүлэв. Уран баримал гэдэг бол шуумал буюу цоолбор дүрс гаргах урлаг юм гэсэн тодорхойлолтыг тэр олон жил самбарт бичиж байлаа. Цоолбор гэдэг бол зоосон дээр байдаг хүний дүрс шиг л хоёр хэмжээст орчин дахь уран баримал юм. Чиги сүм дэх Бернинигийн медалион бол нэг жишээ нь билээ.
Bassorelievo? хэмээн нэг харуул италийн урлагийн нэр томьёо хэрэглэн асуув.
«Яг тийм. Bas-relief!» хэмээн Ландон хариулаад, машины хамар дээр тулж зогсоод: «Би энэ тухай огт бодоогүй байжээ. Таны яриад байгаа Гэгээн Петерийн талбайн хэсгийг чинь West Pontente -Өрнийн салхи гэдэг юм. Бас Respire di Dio ч гэдэг».
«Бурхны амьсгал гэдэг гэж үү?»
«Тийм. Хий! Анх тэр талбайг барьж байсан хүмүүс тэр хавтанг сийлж, тавьсан байдаг юм.»
Витториа гайхан: «Би Микланжело Гэгээн Петерийн талбайг анх зурж, сэдсэн гэж бодсон шүү дээ» гэлээ.
«Үгүй ээ, зөвхөн ордонг нь!» гэж Ландон их л эр хонгор дуугаар ярьж эхлэв. «Гэхдээ, Гэгээн Петерийн талбайг бол Бернини зурсан юм».
Альфа Ромеогийн цуваа дэл Пополо талбайг орхин хурдлахдаа, ард нь ВВС-ийн машин сүүлдэн дагахыг ч анзаарах сөхөөгүй яарч байлаа.
Хэсэг 73

Гунтер Глик ВВС-ийн машиныхаа хаазыг тултал гишгэн, Тибер гол дээрх Маргарита гүүр дээгүүр жирэлзэх дөрвөн Альфа Ромеогийн араас сүүлдэн шунгинана. Ердийн үед бол, Глик араас нь дагаж байгаагаа мэдэгдэхгүйн тулд тодорхой зай барьж явах байсан боловч яг одоо бол нисэх шахуу яваа тэр машинуудыг алдчихгүй дагах гэж л ядаж явлаа.
Макри машины ард байрандаа суугаад, Лондонтой утсаар ярьж дууслаа. Харилцуураа тавьж дууссанаа, замын хөдөлгөөний шуугианыг даван: «Сайн, муу аль мэдээг нь сонсмоор байна даа?» гэв.
Глик их таагүй байртай, редакцтайгаа ажиллах дандаа л амаргүй байдгийг санан: «Мууг нь» гэлээ.
«Байрлалаа орхиж явлаа гэж редактор боож үхэх гээд л цамнаж байна гэнэ».
«Нэг их гайхмаар мэдээ биш л байна».
«Тэр чамайг хов хайж явдаг амьтан гэж байна гэнэ».
«Мэдээж шүү дээ».
«Тэгээд, босс маань чамайг овилгогүй амьтан шүү гэж надад санууллаа».
Глик тоомжиргүй ярвайснаа: «За, тэгээд сайн нь юу вэ дээ?» гэв.
«Сая бид хоёрын авсан зургийг үзье гэсэн».
Гликийн тоомжиргүй ярвайсан царай мушилзан мишээх шинжтэй болов. Хэн нь овилгогүй амьтан бэ гэдгээ үзье л дээ. «Дамжуулчих цааш нь».
«Чамайг зогсоод, сүлжээ ортол дамжуулж болохгүй шүү дээ».
Глик Кола ди Риенцо гудамжаар харвасан сум шиг явж байлаа. «Одоо зогсож амжихгүй нь ээ». Тэр урдаа байгаа дөрвөн Альфа Ромеог сүүлдэн Ризоргинменто талбай рүү огцом эргэлээ.
Гликийг машинаа огцом эргүүлэхэд, бүх юм машины урд тавцан дээр гулгахад нь Макри зүгээр суусангүй: «Дамжуулагчийг маань эвдчихэв! Тэгвэл, бид энэ мэдээгээ Лондон руу явган хүргэх болно шүү» гэлээ.
«Суудалдаа чангахан суу, хонгор минь. Бид бараг л дөхөж яваа юм шиг байна».
«Хаашаа?» гэж Макри гайхан асуув.
Глик урдаа байгаа бөмбөгөр оройтой танил сүмийн зүг ширтэн: «Эхэлсэн газраа л эргээд ирэх шив» гэлээ.
Дөрвөн Альфа Ромео хурдаа хассаар Гэгээн Петерийн талбай руу ирж, дөрвүүлээ таран талбайн захаар аажим явж, тодорхой цэгүүдэд цэргүүдээ сэм буулгана. Энгийн хувцастай цэргүүд бужигнасан олон жуулчин, ТВ-ийн машинуудын дунд ороод, харагдахгүй алга болов. Зарим цэрэг талбайг хүрээлсэн багануудын дундуур ороод, үзэгдэхгүй болно. Ландон машины урд цонхоор талбай руу харвал, цаг мөч өнгөрөх тусам улам л олон хүн шавааралдаж байлаа.
Оливетти Ватикандаа үлдсэн захирагч руугаа гар холбоогоор ярьж, энгийн хувцас өмссөн цэргүүдийг нэмэлт хүч болгон гаргаж, Бернинигийн Өрнийн салхи байгаа газар руу илгээсэн байлаа. Ландон Гэгээн Петерийн уудам талбайг харахдаа, нэг асуултыг дахин дахин тавьсаар байв. Иллюминатигийн алуурчин эндээс гарна гэж яаж төлөвлөсөн юм бол? Энэ олон хүний дундуур кардиналыг авчраад олны нүдэн дээр хөнөөнө гэж яаж бодсон юм бол? Ландон Микки Маустай цагаа харвал 8.54 болж байлаа. Зургаан минут дутуу байв.
Оливетти урд суудлаас эргэж Ландон, Витториа хоёрын нүүр рүү эгцэлж хараад: «Та хоёр Бернинигийн ... туйпуу, хавтан, юу ч билээ ... тэр чөтгөрийнх нь юман дээр очоод зогсож бай. Халхавч нь урьдынх шигээ шүү. Та хоёр жуулчин, юм харвал гар утсаараа дохь!» гэв.
Ландоныг юм хэлж амжаагүй байтал Витториа машинаас гарчихсан, гарыг нь татаж байлаа.
Хаврын наран Гэгээн Петерийн ордны араар жаргаж, сүрлэг ордны сүүдэр талбайг бүхэлд нь хучжээ. Ландонд жихүүн санагдсан ч, Витториа сүүдэр нөмөрсөн талбай руу шууд л шургаад орчхов. Цугласан олны дунд ороод, Ландон зөрж өнгөрөх хүн бүрийн царайг түгшүүртэй еэ харан, алуурчин эдний дунд л байгаа даа гэж бодохоос улам жихүүцнэ. Тэгэхэд, ганц Витториагийн гар л дулаахан санагдаж байлаа.
Ватиканы босго алхсан бүхэн бишрэн сүрдэх ёстой хэмээн Бернинигийн төсөөлж хийсэн зохиомж нээрэн л сүрдэж бахдам байлаа. Сүрдсэн, бас өлссөн хэмээн Ландон бодсоноо, яаж ийм тэнэг бодол ийм чухал мөчид орж ирснийг өөрөө гайхав.
«Гэрэлт хөшөө рүү юу?» гэж Витториа асуув.
Ландон толгой дохин, талбайн зүүн хэсэг рүү эргэлээ.
Витториа хурдан атлаа, энгүүн алхахыг хичээн: «Цаг?» гэв.
«Дөрвөн минут дутуу байна».
Витториа юм хэлээгүй ч, Ландон гарыг нь атгаж байсан болохоор, гараа шийдмэг чивчирэхийг мэдрэв. Гар буу өвөрт нь байж л байлаа. Витториаг, арай ч буугаа гаргаад ир гэж хэлэхгүй болов уу гэж бодон, нүүр рүү нь харав. Дэлхий дээрх бараг бүх мэдээллийн агентлаг цуглачхаад байхад, Витториа буу бариад, алуурчны толгойг хага буудна гэж Ландон л лав төсөөлж чадахгүй байлаа. Гэхдээ л, кардиналыг хөнөөлгөөд, цээжин дээр нь тамгалуулж байснаас, тэгсэн нь дээр.
Хий. Эрдмийн хоёр дахь махбод. Хийн тамга ямархуу хийцтэй бол, бас кардиналыг хэрхэн хөнөөх бол хэмээн төсөөлнө. Гэгээн Петерийн талбайг дахин нэг удаа хянавал, гантиг чулуун дэвсэг хөл доор нь нэлийж, эргэн тойрон Швейцар жард харуулдан байх ажээ. Хассассин кардиналыг хөнөөдөг юм аа гэхэд, эндээс хэрхэн зугтахыг бүү мэд дээ.
Талбайн голд, Калигулагийн Египетээс авчирсан 350 тонн хүнд гэрэлт хөшөө байлаа. Тэнгэр рүү наян нэгэн метр өндөр шовх хатгасан, пирамид хэлбэртэй энэ хөшөөний дээр загалмай тогтоожээ. Нарны сүүлчийн туяаг ойлгох тэр загалмайд, Христийг хадсан загалмайн үлдэц байдаг гэнэ.
Хоёр усан оргилуур гэрэлт хөшөөнөөс яг тэнцүү зайд, тэгш хэм үүсгэн байрлажээ. Урлаг судлаачид, энэ хоёр усан оргилуур яагаад зууван талбайн, захын хоёр тойргийн төвд баригдсан учрыг олдоггүй: Ландон ч саяхныг хүртэл мэддэггүй байлаа. Харин, өнөөдөр Ром хот тэр чигтээ пирамид, зууван, геометрийн тэгш хэмээр дүүрсэн мэт санагдана.
Хөшөө ойртоод, Витториагийн алхаагаа удааширлаа. Бүсгүй нэлээн амьсгаадаж, Ландон ч аяыг нь даган мөрөө суллан, бөхийсгээд гүн амьсгаа аван, цээжээ түхийлгэлээ.
Хөшөөний эргэн тойрон, хаа нэгтээ дэлхийн хамгийн том сүмийн дэргэд эрдмийн хоёр дахь тахил - Бернинигийн Өрнийн салхи, Гэгээн Петерийн талбай дахь зууван хавтан - байж байлаа.
Гунтер Глик Гэгээн Петерийн талбайг тойрсон олон баганын сүүдэр даган, нэхмэл пиджактай эр, бор шорттой хүүхэн хоёрыг ажиглан, зогсож байв. Ерийн өдөр бол тэднийг анзаарахааргүй байлаа. Тэр хоёр зүгээр л талбай тойрч яваа жуулчин шиг харагдана. Гэхдээ, өнөөдөр ерийн өдөр биш байлаа. Утасны дуудлага, хүүр, Ромоор давхилдах дугааргүй машин, юугаа хайсныг бурхан л мэдэх нэхмэл пиджактай эр гэх мэт адал явдал, оньсого дүүрэн өдөр байв. Глик тэднийг тасрахгүй дагана.
Глик талбайн цаана яваа Макриг олж харав. Бүсгүй, талбайгаар зугаалах мэт яваа хосын эсрэг жигүүрт, Гликийн оч гэсэн газар нь оччихсон, явж байлаа. Макри камераа энгийн байдалтай авч явж, уйдсан сурвалжлагчийн дүрийг эсгэх гэж оролдовч, Гликтэй л адил шохоорхож байгаа нь илт байв. Түүнээс өөр нэг ч сурвалжлагч талбайн гүн рүү тийм хол ороогүй болохоор, BBC гэх агентлагийн нэрийг камер дээр нь бичсэн хүүхэн, зарим жуулчны нүдийг эрхгүй татаж байв.
Нас барсан нүцгэн өвгөнийг машины тээш рүү шидэж байгаа бичлэгийг, яг энэ эгшинд, машин дотроос нь VCR-aap төв рүүгээ дамжуулж байлаа. Бичлэг - хүн бүхний толгой дээгүүр, агаарын цэнхэр долгионоор Лондон рүү нисч байв. Редактор нь юу хэлэх бол?
Энгийн хувцас өмссөн цэргүүд хүрэхээс өмнө, Макритай хамт хүүрт хүрч бичлэг хийхийг Глик хүснэ. Өмнө нь, сүмийн тэнд байсан цэргүүд талбайг аажим бүсэлсэн байлаа. Ямар нэг том юм болох нь ч болох шинжтэй.
Хэвлэл гэдэг үймээн тарих сайхан зэвсэг шүү дээ гэж алуурчин хэлж билээ. Глик шуугиан тарих том боломж алдчих вий хэмээн үнэхээр их айна. Тэр - хэвлэлийн бусад машины байдлыг алсаас ажин, Макриг нөгөө хачин хосыг талбайн цаанаас хэрхэн дагахыг харна. Шуугиан тарих үйл явдал удахгүй болох гээд байгаа санагдана.[/size]

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.16.15 6:26 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
хий гэсэн юм чинь нисдэг тэрэгнээс л шидэх байхаа тэгэхгүй бол ийм олон хүний дунд яаж кардиналыг хороочоод зугтахавдээ.
Someone-доо баярлалаа :wd:


Top
   
PostPosted: Apr.16.15 6:37 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Үйл явдал нь галзуу хурдан болж байна. Талбай дээр байгаа тэр олон хүний дээрээс шидэхгүй байлгүй дээ.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.16.15 8:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Харин тиймээ би бүүр яарч уншсаар бгаад дуусангуут нь юу билээ гэж боджийно шд хэхэ.

Маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.17.15 9:27 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
ажил хэрэг ч жинхэнэ өрнөж бна даа, баярлалаа


Top
   
PostPosted: Apr.17.15 9:33 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3776
Location: Ирмэг
Даам барааван өглөө оруулдаг хэсгээ оруулаарай. Цаг 9.30 болсон байна шүү Some :mrgreen:

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Apr.17.15 9:41 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 74

Ландон хайж яваа юмаа, элбэг арван алхмын цаанаас олж харлаа. Бернинигийн Өрнийн салхи гэх цагаан өнгийн зууван чулуун хавтан - талбайг бүрхсэн бусад саарал гантигаас илэрхий ялгаран байхыг Витториа ч бас харжээ. Бүсгүйн гар татавхийхийг Ландон мэдрэв. «Аажуухан гэм. Пиранха миранхагаа хий!» гэж Ландон шивнэв. Витториагийн атгасан гар суларлаа.
Хавтан руу дөхөх тусам бүх юм гайхалтай хэвийн байх шиг санагдана. Талбайн хүрээ дотор жуулчид гайхдагаараа гайхацгааж, хандмаа нар хөөрөлдөж, нэг жаахан охин гэрэлт хөшөөний доор суусан тагтаанд будаа цацна.
Ландон Миккитай цагаа харах гэснээ болив. Цаг тэртээ тэргүй бараг болчхоод байлаа.
Ландон, Витториа хоёр алхаагаа удаашруулсаар, Бернинигийн Өрнийн салхи дээр очиж, ерийн жуулчид талбайг сонирхож яваа мэт энгийн байдалтай зогсов.
Өрнийн салхи хэмээн Витториа хавтан дээрх бичгийг уншлаа. Ландон зууван хавтан дээр зогсож, доош харна. Энэ хавтанд ач холбогдол огт өгч байгаагүйгээ бодохоор: «Ямар гэнэн байсан юм бэ?» гэж бодогдоно. Урлагийн түүхийн нэг ч номдоо, Ромд хийсэн олон аяллынхаа нэгэнд нь ч Бернинигийн Өрнийн салхи-д, өнөөг хүртэл ач холбогдол өгч байсангүй ажээ.
Гурван тохой орчим зууван, гантиг дээр Өрнийн салхийг ангель мэт төрхтэй болхидуухан дүрсэлсэн байв. Бернини тэр ангелийн амнаас бурхны амьсгаа - Ватиканаас гадагш хүчтэй салхи үлээж байгаа маягтай дүрсэлжээ. Энэ бол эрдмийн хоёр дахь махбод Хий-нд бүтээсэн Бернинигийн өргөл байжээ. Ландон харах тусам шинэ шинэ онцлог нээж байв. Ангелийн амнаас таван амьсгаа гарч байгаагаар зуржээ ... нөгөө л тав! Түүнээс гадна, хоёр ширхэг гялалзах од байлаа. Тэр Галилеогийн тухай санав. Хоёр од, таван амьсгал, пирамидууд, зуувангууд,тэгш хэмүүд. Толгой нь элдэв бодол, таамгаар дүүрнэ.
Витториа Ландоныг хөтлөөд, нөгөө хавтангаас холдож орхив. «Нэг хүн бид хоёрыг дагаад байх шиг байна».
Ландон гайхан: «Хаана?» гэв.
Витториа хариу хэлэлгүй, гучин алхам орчим явангаа, Ватиканы ордны бөмбөгөр оройг заан, Ландонд юм хэлж байгаа юм шиг дүр үзүүллээ. «Талбай дээр ирснээс хойш л дагаад байгаа юм», гэснээ тун санамсаргүй мэт эргэж харснаа: «Байж л байна, яваад байгаарай» гэв.
«Нөгөө хассассин уу?»
Витториа толгой сэгсрэн: «Иллюминати арай ч ВВС-ийн камер барьсан хар хүүхэн хөлслөөгүй байлгүй дээ» гэлээ.
Гэгээн Петерийн ордны сүмийн хонх чих дүлийртэл чанга цохилж эхлэхэд, Ландон, Витториа хоёр цочин түгшиж, царай нь хувьсхийнэ. Цаг болжээ. Тэр хоёр камер барьсан хүүхнээс алдуурах гэж хавтанг бараг нэг бүтэн тойрсноо, одоо харин хавтан руугаа эргээд чиглэв.
Чанга чанга царгих сүмийн хонхыг эс тооцвол, бүх юм байдгаараа л байлаа. Жуулчид гайхдагаараа гайхацгаана. Орон гэргүй нэг согтуу гэрэлт хөшөөний зүг гэлдэрнэ. Нөгөө охин тагтаагаа тэжээсэн хэвээр. Нөгөө сурвалжлагч алуурчныг үргээж орхисон юм болов уу гэж Ландон бодлоо. Үгүй байх аа, гэж өмнөх бодлоо орхин, танай кардиналуудыг хэвлэлийн баатар болгоод өгнө өө гэж алуурчны хэлснийг санав.
Сүмийн хонх есөн удаа цохилж дуусмагц, хүн бүрийн чихний хэнгэргийг чанга чанга балбаж байснаа гэнэт больчихсон болоод тэр үү, талбай гэнэт нам гүм боллоо.
Гэтэл, анир чимээгүйг, жаал охин аймшигтай цочин хашхирах дуу эвдлээ.
Хэсэг 75

Охин дээр хамгийн түрүүнд Ландон гүйж очив.
Хөөрхий охин айсандаа зэвхийж хөшчихсөн, гэрэлт хөшөөний доорх одон дээр суусан навсгар хар согтуу руу хуруугаараа зааж байлаа. Тэр хүн, харваас, Ромын орон гэргүй пөөнөгөрүүдийн нэг: нүүрнийх нь өмнүүр ширэлдсэн саарал үс нь унжсан, хир даг болсон цувны тамтаг эгэлдрэглэсэн байв. Хашхирч байсан охин олны дунд ороод, алга боллоо.
Ландон тэр согтуугийн зүг ухасхийв. Харанхуй бүрийд, согтуу пөөнөгөрийн цувны тамтаг нойтон үзэгдвэл ... хүний халуун цус нэвчин, урсч байлаа.
Бүх юм нүд ирмэхийн зуур болж өнгөрөв...
Хөгшин салганан салганасаар, эгц урагшаа татганан унав. Ландон ухасхийсэн ч, амжсангүй... Хөөрхий өвгөн нүүрээрээ талбайн чулуун шалыг тасхийтэл мөргөн, үхэтхийн уналаа... Тэгээд, огт хөдөлсөнгүй.
Ландон хажууд нь гүйн ирээд, сөхрөн суух агшинд Витториа ч гүйцэж ирлээ. Хэлмэн цочсон олон хүн тэднийг тойрон бужигнав.
Витториа хуруугаа гүрээнийх нь судсан тавьж үзээд: «Судас нь цохилж байх шиг байна. Эргүүл дээ» гэв.
Ландон өвгөний мөрөөс нь угзарч, биеийг нь эргүүлэхэд, эгэлдэрсэн хувцас нь сулбайн гулсав. Нурууг нь нүцгэлэн, цамцыг нь доош нь угз татваас, нурууных нь яг голд арьсыг нь цоо түлсэн мөр байлаа.
Витториа түүнийг буцааж угзран, биеийг нь эргүүлэв.
Ландоны, нуруу хүзүүнийх нь заагт зүүгээр хатгачхав уу гэмтэй, ухаан мэдрэл нь огшоод явчихлаа. Цээжин дээр сийлсэн тамга энгийн мөртөө, аймшигтай байв.
Хий
«Хий!» гэж Витториа уншаад: «Зайлуул, энэ нөгөөдөх чинь байна шүү дээ» хэмээн сулхан хэлэв.
Хаанаас ч юм бэ Швейцар жардын цэргүүд цутган ирж, олон түмнийг хориглон, энд тэндгүй захирамжлан, харагдаж үзэгдэлгүй алга болсон алуурчны эрэлд гарав.
Ойр байсан хүмүүсийнх нь яриагаар бол, харавтар арьстай нэгэн залуу энэ гуйлгачинд хичээнгүйлэн тусалж, талбайн нэг захаас түшиж ирээд, бүр дэргэд нь хэсэг суун, халамжилж байснаа, гэнэт олны дунд уусан алга болжээ.
Витториа хөгшний хувцсыг хэвлийгээс доош тайчин үзвэл, тамганы хоёр хажууд, хавирганых нь доод талд, цоолсон шарх байна. Бүсгүй өвгөний толгойг гэдийлгэн, хиймэл амьсгаа хийлээ. Өвгөний ам руу дөнгөж үлээтэл, хоёр уушгинд нь гаргасан цоорхойгоор, яг л халим загас ус цацах мэт, цус цацран олгойдож, Ландоны нүүр рүү үсчлээ.
Витториа хийсэн үйлдэлдээ өөрөө цочин, давхийж: «Яана аа? Уушгийг нь... цоолчихсон байна шүү дээ!» гээд суунтусав.
Ландон нүдээ арчаад, цус гожигдох хоёр нүхийг элий балай юм шиг мэлийнэ. Кардиналын уушгийг хөнөөчихсөн байв.
Швейцар жард ирэхэд, Витториа хүүрийг цувных нь тамтагаар хучиж байлаа.
Ландон босох гэтэл газар дайвалзлаа. ВВС-ийн камер барьсан хүүхнийг дэн дун олж харав. Тэр камераа мөрөн дээрээ тавиад, тэдэн рүү чиглүүлэн, бүхнийг нэгд нэгэнгүй бичиж авч байлаа. Тэгснээ, Ландонтой харц тулгараад, муур шиг нэг мурилзаад, алга болчихлоо.
Хэсэг 76

Чинита Макри гүйхээрээ ирлээ. Насаараа хүлээгээд олдохгүй үнэтэй бичлэг хийжээ.
Гэгээн Петерийн талбай дахь олны дундуур шурган гүйхэд, видео камер нь хүнд гэж жигтэйхэн санагдана. Хүн бүр л зам хөндөлсөн, эсрэг зүг рүү нь явах шиг ... зөрөөд ч байгаа юм шиг ... барьж авах гээд ч байгаа юм шиг. Макри аль болох хурдан, хэргийн газраас холдохыг хичээнэ. Нэхмэл пиджактай эртэй харц тулгарсан - удахгүй, хүмүүсээ хойноос нь илгээнэ .., нэхээд ирэх вий.., хар хувцастай баахан хүн ... олны дундаас ... энд тэндээс нь гэнэт гарч ирэх вий... гэж эмээнэ.
Макри дөнгөж сая маш чухал баримт буулгаж авсан боловч яг юу бичээд авснаа сайн мэдэхгүй эмээж явлаа. Нас барсан тэр хүн нөгөө кардиналуудын нэг мөн болов уу? Гликийн яриад байсан, нөгөө учир нь олдохгүй утасны яриа бараг л үнэн болж байгаа хэрэг үү?
ВВС-ийн машин руу эрчээрээ гүйж яваа бүсгүйн өмнө, гэнэт ... юу ч хийхэд бэлэн, шийдчихсэн байртай, цэрэг маягийн нэгэн залуу халз гараад ирэв. Тэр хоёрын харц тулгараад, хоёулаа зогтусав. Эгшин зуур залуу гар холбоогоо өргөн, ямар нэг юм ярилцаад авлаа. Тэгснээ, бүсгүйн зүг шийдэмгий алхахад, Макригийн зүрх амаараа гартал айж, олны зүг хойшоо алхлаа.
Хүнд том хөл гар бүсгүйг нөмрөн авахын өмнөхөн, бичлэг хийсэн хуурцгаа камераас гаргаж, нурууныхаа орчим, бүсэндээ түргэхэн хавчуулаад, хувцсаараа хааж амжив. Махлаг болохоор, хүн анзаарсангүй бололтой, тарган гэдэгтээ амьдралдаа анх удаа, энэ эгшинд л баярлаж үзлээ. Глик, чи муу хаана байна аа!
Өөр нэг цэрэг зүүн талаас нь нөмрөн ирэв. Макри хурсан олны зүг алхсаар, хоосон хуурцаг гаргаж ирээд, камертаа шургуулж орхив. Бусдыг нь бурхан мэдэх хэрэг ...
ВВС-ийн мухлаг тэрэгнээс гучхан алхмын наана, элгээ эвхсэн хоёр залуу бүсгүйн замыг хөндөлсөн, давшилж явлаа.
«Хуурцагаа өг! Өгөөч!» гэж араас нь нэг залуу зандрав.
«Үгүй шүү» гэж Макри мөчөөгөө өгөлгүй, гараараа камераа халхлан зогсов.
Нэг залуу пиджакийнхаа хажуу талыг дэлгэн, сугандаа зүүсэн буугаа харууллаа.
«Тэгээд бууд л даа» гэж Макри хэлснээ, ямар зоригтой хэлчхэв ээ гэж өөрөө гайхав.
«Хуурцаг аа!» гэж эхний залуу давтан шаардана.
Золигийн муу Глик хааччихав аа? Макри байдаг чадлаараа: «Би ВВС-ийн зураглаач байна. Чөлөөт хэвлэлийн хуулийн 12 дугаар зүйлийн дагуу энэ бичлэг бол Британий өргөн нэвтрүүлгийн корпорацын (BBC) өмч мөн!» хэмээн хашхирав.
Хоёр залуу түүнийг огт ажрахгүй зогсож байснаа, буутай залуу нь урагш нэг алхан: «Би Швейцар жардын дэслэгч байна. Таны зогсож буй улсын өмчийн тухай Ариун лүндэнгээр таныг нэгжиж, шаардлагатай эд зүйлийг хураан авч болно» гэлээ.
Хүмүүс тэднийг бүчин шавах шинжтэй болов.
Макри мөчөөгөө өгөлгүй: «Би Лондонд байгаа редактортайгаа зөвлөхгүйгээр ямар ч тохиолдолд энэ бичлэгийг та нарт өгөхгүй. Та нар ...», гэтэл яриаг нь таслан, нөгөө хоёр цэргийн нэг нь бүсгүйн гараас камерыг шүүрч аваад, нөгөө нь хоёр гарыг нь ард нь мушгиж зөрүүлээд, Ватикан руу түлхэв. Солиотой юмнууд хэмээн нэг залуу нь бувтнан, хурсан олны дундуур тууж явлаа.
Макри битгий л намайг нэгжиж, хуурцгийн минь олчхоосой гэж бодно. Редакц руу дамжуултлаа хуурцгаа хадгалж чадвал ч...
Гэнэт санаанд оромгүй юм боллоо. Олны дундаас нэг эр гарч ирээд, нуруунд нь наалдангаа, цамцных нь ар хормойг сөхөн, хуурцгийг нь авчхав. Бүсгүй хашхирдгийн даваан дээр болилоо. Ард нь амьсгаагаа түгжиж улайсан Гунтер Глик зогсоод, нүдээ нэг ирмэснээ олны дунд уусан алга боллоо.
Хэсэг 77

Роберт Ландон Папын бичгийн өрөөтэй залгаа, угаалгынх нь өрөөнд нүүрээ угааж байв. Нүүр, уруул руугаа цацагдсан цусыг дахин дахин угаана. Тэр өөрийнх нь цус биш, харин хэдхэн хормын өмнө, Ватиканы өмнөх талбайд, олны нүдэн дээр зэрлэгээр хөнөөгдсөн кардинал
Ламазэгийнх байлаа. Эрдмийн шүтээний өмнөх онгон тахил. Хассассин заналаа гүйцээсээр л байв.
Ландон толинд нүүрээ харвал, шал арчаагүй харагдлаа. Нүд нь бүлцийж гархилаад, хацар нь хонхойн харлачихжээ. Алтан тоногтой хар гантиг ханатай, хөвөн даавуун алчуур, анхилуун саван цөм бүрэн тансаг сайхан өрөөнд ганцаараа зогсоно.
Цусанд будагдаж, түлэгдсэн тамга ой тойноос нь гардаггүй. Хий гэх тамга нүдэнд нь харагдсаар. Өглөөнөөс хойш, Иллюминатигийн гурван тамгыг нүдээрээ үзлээ ... цаана нь бас хоёр байгаа.
Хаалганы гадаа, Оливетти, Рошер занги, камерлинго гурав юу хийхээ ярилцах нь сонсогдоно. Антиматерийг хайх ажил ахицгүй байгаа шинжтэй: харуулууд хайж олсонгүй, эсвэл
Иллюминатигийнхан Ватиканд Оливетти захирагчийн бодсоноос илүү гүнзгий нэвтэрсэн бололтой.
Ландон гар нүүрээ арчаад, жорлон хайсанд, суултуур харагдсангүй, харин зүгээр л нэг суулга байх ажээ. Тагийг нь онгойлгоод, дэргэд нь зогсов. Сэтгэлийн гүнээс нь харуусал оргилон, ясанд янгинаж, чөмөг царцтал гансарна. Гэнэт гэнэт юм дараа дараагаар болж, тэр бүрт нь сэтгэл эмтэрсээр, зүрх нь байдгаараа тамирджээ. Нойр хоолгүй, нойтон зэлмүүн гүйж, тамлуулж, тарчилж, алуулсан хүний хөрж амжаагүй хүүрийг харж цочин цочирдсоор, сэтгэл нь тартагтаа тултал туйлджээ. Гэхдээ л, энэ бүх үйл явдлын эцэст учирч магадгүй аюулыг бодохоор, тайван байж чадахгүй байлаа.
Бод л доо гэж өөртөө тушаавч, бодоод бодоод бодийн шийр дөрөв гэдэг л болоод байлаа.
Гиюүрч байснаа, гэнэт эргэн тойрноо харав. Байна гэж зүүдэлж ч байгаагүй газраа байх ажээ. Хөөх, энэ чинь Папын жорлон! Тэгээд, би Папын жорлонд бие засч байна, хэхэхэ... хэмээн бодсоноо хөхрөв. Папын ариун ширээ.
Хэсэг 78

Лондонд, ВВС-ийн техникч хиймэл дагуулаас дамжуулж авсан бичлэгээ хуулаад, хяналтын өрөөгөөр дамжиж, Ерөнхий редакторын өрөөнд ороод, VCR тоглуулагчид нь хийгээд, ажиллуулах товчийг дарлаа.
Бичлэг гүйж эхлэхэд, техникч бүсгүй - Ватикан хийдээс Гунтер Глик энэ бичлэгийг явуулж, ВВС-ийн фото архив - Гэгээн Петерийн талбай дээр нөгчсөн тэр хүнийг зөв таньсан зэргийг хэг ёг тайлбарлав.
Ерөнхий редактор өрөөнөөсөө, хар хурдаараа гүйн ирж, хүн болгоныг сандчуулж эхлэв. Редакцад урсгалаараа явж байсан бүх ажил гэнэт зогслоо.
«Таван минутын дараа бичлэгийг шууд цац! Кординаторууд, та нар холбоогоо бэлэн барьж бай. Ёстой гоё сурвалжлага, дүрстэйгээ байна шүү!!!»
Маркетингийн зохицуулагч нар ч гүйлдэж эхэллээ.
«Бичлэгийн урт?» гэж нэг нь хашхирав.
«Гучин секундийн бичлэг» гэж ерөнхий редактор хариулав.
«Агуулга?»
«Хүн амины хэргийн шууд сурвалжлага».
Зохицуулагч жаахан гайхсан байдалтай: «Ашиглах, лицензийн үнэ?»
«Нэг удаад сая ам.доллар».
Зохицуулагч гайхсанаа: «Юу гэнэ ээ?» гэв.
«Дүлий юм уу, чи! Би ч гуйлгамаар байна шүү. CNN, MSNBC, тэгээд нөгөө гурван том нь! Утастаад превьюг нь үзүүл. BBC энэ бичлэгийг үзүүлэхээс өмнө таван минут бодох хугацаа өг!»
«Юу болоо вэ, чөтгөр гэж? Манай ерөнхий сайдыг амьдаар өвччихөө юү?» гэж нэг нь тэсэлгүй асуув.
«Түүнээс ч сонин юм болоод байна аа» гэж ерөнхий редактор хариуллаа.
Яг энэ эгшинд, Ромын хаа нэгтээ хассассин тавлаг сайхан буйдан дээр жаргалдаа умбан лаглайна. Домогт энэ газрыг бахдан гайхна. Би Гэгээрлийн сүмд сууж байна, Иллюминатигийн ноохой. Олон зуун жилийн турш энэ ноохой эндээ байсаар л байж дээ.
Тэгээд, өмнө нь холбогдож байсан ВВС-ийн сурвалжлагч руугаа залгав. Дэлхий даяар хамгийн цочром мэдээг сонсох цаг боллоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 2:24 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 79

Витториа Ветра аяга ус балгаад, дөнгөж сая Швейцар цэргүүдийн нэг нь өгсөн бялуунаас амссан болж суув. Идэх хэрэгтэй гэж мэдэж байсан ч дур алга. Папын бичгийн өрөөнд хүмүүс бужигнан, хоорондоо чанга чанга ярилцана. Рошер занги, Оливетти захирагч, бас өөр зургаан харуул хохирлыг тооцон, цагийн байдлыг үнэлж, дараагийнхаа алхмыг ярилцана.
Роберт Ландон цонхны дэргэд зогсоод, Гэгээн Петерийн талбай руу таг чиг гөлөрнө. Витториа хажууд нь дөхөж очоод: «Яах вэ?» гэлээ.
Тэр толгойгоо сэгсрэв.
«Бялуу идэх үү?»
Тэр хоол харснаа, гэнэт огцом хөдлөн: «Тэгье, золиг гэж» гэснээ, бялууг бүхлээр нь амандаа хийчхэв.
Вентреска камерлинго хоёр харуул дагуулсаар хаалгаар орж ирэх үед, ард нь ярьж байсан хүмүүсийн дуу намсав. Гарын даа гуай түгшсэн байртай байсан бол, одоо цөхөрсөн царайтай болжээ.
«Юу болоо вэ?» гэж камерлинго Оливеттигээс асуув. Царайнаас нь харвал, захирагчийг хариулахаас өмнө юу болсныг дуулсан шинжтэй байлаа.
Оливетти дайны талбарт хохирлын тухай мэдээлж байгаа юм шиг товч цэгцтэй илтгэв. «Эбнер кардиналыг найман цаг дөнгөж өнгөрсний дараа дэл Пополо дахь Санта Мариагийн сүмээс амь үрэгдсэн байхад нь оллоо. Хахааж алаад, цээжин дээр нь «Шороо» гэсэн амбиграм дүрс тамгалсан байсан. Ламазе кардиналыг Гэгээн Петерийн талбай дээр, арван минутын өмнө уушгинд нь цоолж хөнөөсөн байхыг оллоо. «Хий» гэсэн амбиргам дүрсээр тамгалсан байсан. Алуурчинг барьж чадсангүй».
Камерлинго өрөөг хөндлөн гулд алхан, Папын ширээний ард очоод, лагхийтэл сууж, толгойгоо бөхийлгөв.
«Гидера, Баггиа хоёр кардинал амьд байгаа байх аа».
Камерлинго толгойгоо өргөн, хилэнтэй царайгаар: «Захирагчаа, та намайг тайтгаруулах гээ юү? Хоёр кардиналыг аль хэдийн цааш нь харуулчхаад байна. Таныг эрж олж чадахгүй бол, тэр хоёр ч гэсэн удахгүй өөд болох байх шүү» гэв.
Оливетти цэрэг хүний ёсоор: «Тэр хоёрыг олно оо. Итгэлтэй байна» гэлээ.
«Итгэлтэй байна аа..? Өнөөг хүртэл бид дандаа л алдаад байна шүү дээ».
«Тийм биш ээ. Бид хоёр тулаанд ялагдсан боловч дайнд бол ялна шүү. Иллюминатигийнхэн энэ үдшийг хэвлэлээр дамжуулан үймүүлэх гэж оролдсон. Одоогоор, бид түүнээс нь сэргийлж амжлаа. Хоёр кардиналыг хоёуланг нь үймээн болголгүй олсон» гэж Оливетти хэлснээ: «Түүнээс гадна Рошер занги антиматерийг хайх ажил амжилттай явж байгааг илтгэсэн» гэлээ.
Улаан береттэй Рошер занги урагшаа нэг алхав. Яв тав атлаа хатуу биш тэр залуу бусад харуулаа бодоход, арай л илүү хүн шиг санагдав. Рошерийн хоолойд нь сэтгэл хөдөлсөн шинж илрэх авч, дуу нь яг л хийл шиг ажээ. «Эрхэм ээ. Нэг цагийн дотор, бид канистерыг олж чадна» гэлээ.
«Занги аа!» гэж камерлинго Рошерт хандан: «Би их гутранга юм ярьж байж магадгүй. Гэхдээ Ватикан хийдийг бүрэн нэгжихэд, бидэнд байгаа цагаас илүү цаг зарцуулна гэж би ойлгосон юм сан» гэв.
«Бүрэн хайлт бол тэгнэ, эрхэм ээ. Гэхдээ, бид байдлыг нягталж үзээд, антиматерийн канистерыг манай цагаан бүст - Гэгээн Петерийн талбай ч юм уу, музей ч юм уу — жуулчид нэвтэрч болох газар тавьсан байх гэж итгэж байгаа юм. Тэр газруудад бид тог таслаад, хайлт хийж байна».
«Та нар Ватикан хийдийн багахан хэсэгт хайлт хийж байгаа юм уу?»
«Тийм, сениор. Нэвтэрсэн этгээд Ватикан хийдийн дотоод хэсэг рүү орсон байх боломж тун бага. Алга болсон хяналтын камер уул нь, нийтийн нэвтэрч болох хэсэгт, музейн шатуудын нэгийг нь хардаг байсан юм. Тэд нийтийн нэвтрэх хэсэгт орж хяналтын камерыг хулгайлсан болохоор нийтийн зөвшөөрөгдсөн аль нэг газар антиматерийг нуусан байх. Чухам тийм газруудад бид эрлээ төвлөрүүлээд байна».
«Гэхдээ, тэр этгээд манай дөрвөн кардиналыг хулгайлсан шүү дээ. Тэгэхээр, бидний бодож байснаас илүү гүнзгий байгаа биз?»
«Заавал тэгж бодох хэрэггүй. Кардиналууд өнөөдрийн ихэнх хэсгийг Ватиканы музей, Гэгээн Петерийн ордонд гаднын хүмүүс байхгүй үед өнгөрөөсөн. Тэдгээр, газрын нэгнээс нь кардиналуудыг хулгайлсан байж магад».
«Тэглээ гээд, тэднийг яаж энэ хэрмээс авч гарсан байх вэ?»
«Бид тэр талаар бас л ажиллаж байна».
«Мэдлээ, мэдлээ» гээд камерлинго өндийж Оливетти рүү ирээд: «Захирагч аа, би нүүлгэн шилжүүлэх таны төлөвлөгөөг сонсмоор байна» гэв.
«Төлөвлөгөө боловсруулах ажил ид явагдаж байна, эрхэм ээ. Гэхдээ, яг одоо бол Рошер занги канистерыг олно гэдэгт би бүрэн итгэлтэй байна шүү».
Рошер талтай үг хэлсэнд нь талархан, хөлөө тас хийтэл хавсран: «Хүмүүс маань шалгах ёстой газрынхаа гуравны хоёрыг шалгасан. Бид бүрэн итгэлтэй байна» гэлээ.
Камерлинго тийм ч итгэлтэй биш байгаа бололтой.
Энэ эгшинд нэг нүднийхээ доогуур сорвитой нэг харуул газрын зураг барьсаар орж ирээд: «Ландон гуай! Би Өрнийн салхи -ны тухай таны хүссэнийг олоод ирлээ» гэв.
Ландон зажилж байснаа залгиад: «Сайн байна. Харъя даа» гэв.
Хүмүүс ярилцаж байх зуур, Витториа Ландон хоёр Папын ширээн дээр дэлгэсэн газрын зураг руу харуултай хамт дөхөв.
Цэрэг газрын зураг дээр Гэгээн Петерийн талбайг зааж: «Бид энд байна. Өрнийн салхи-ны амьсгал чанх дорно зүг Ватиканы эсрэг чиглэжээ» гээд хуруугаараа Гэгээн Петерийн талбайгаас зүүнш, Тибер голыг гатлуулан, эртний Ромын төв хүртэл дагуулан заалаа. «Энэ шугам бараг л Ромыг хөндлөн гулд явж байна. Шугамын дагуу хорь орчим католик сүм байгаа» гэлээ.
Ландон тун таагүй ярвайн: «Хорь оо?» гэв.
«Олон ч байж магадгүй».
«Тэр олон сүмээс хэд нь яг энэ шугамын дагуу байна вэ?»
«Мэдээж, зарим нь бусдаасаа илүү ойрхон байна. Гэхдээ Өрнийн салхи-ийн амьсгал яг хаашаа чиглээд байгааг газрын зураг дээр үзүүлэхэд, мэдээж, наанатай цаанатай алдаа гарна л даа».
Ландон Гэгээн Петерийн талбайг хэсэг харлаа. Тэгээд, эрүүгээ хэсэг маажсанаа: «Гол. Эдгээрийн аль нэгэнд нь галтай холбоотой Бернинигийн баримал байхгүй биз?»
Хэн ч хариулсангүй.
«Гэрэлт хөшөө. Эдгээрийн аль нэгийнх нь урд гэрэлт хөшөө байхгүй биз?»
Харуул газрын зургийг ширтэн, хайж эхлэв.
Ландоны нүдэнд оч гэрэлтээд явчхыг Витториа анзаарч, юун тухай бодож байгааг нь ч гадарлав. Зөв шүү! Эхний хоёр тэмдэг урдаа талбайтай, гэрэлт хөшөөтэй байсан. Магадгүй, тэр гэрэлт хөшөөнүүд тэмдэг байгаа газрыг дохиолдог байж болох юм. Тэнгэр баганадах пирамидууд Иллюминатигийн замыг дохиолдог байх. Витториа энэ тухай бодох бүр зөв юм шиг санагдаад байв. Ромын дөрвөн өндөр гэрэлт хөшөө эрдмийн шүтээнийг дохиолон сүндэрлэнэ.
«Энэ ч таамаглал л даа» гэж Ландон хэлээд: «Гэхдээ Ромын олон олон гэрэлт хөшөөг Бернинигийн үед босгож, зөөж байрлуулсан юм даг. Тэр ажилд Бернини оролцсон байх нь гарцаагүй».
Витториа үг нэмж: «Эсвэл Бернини тэмдгээ өмнө байсан гэрэлт хөшөөний хажууд тавьж болох» гэлээ.
«Үнэн шүү» гээд Ландон толгой дохив.
«Муу мэдээ дуулгахад, энэ зураасыг дагуулаад нэг ч гэрэлт хөшөө алга» гэж харуул хэллээ. Хуруугаа зураас дагуулан чирсээр: «Бүр ойрхон ч юм алга» гэв.
Ландон санаа алдав.
Витториа мөрөө хавчлаа. Уул нь, энэ их дажгүй санаа байлаа. даан ч, тэр хоёрын бодож байсан шиг тийм амар эд биш ажээ. Гэхдээ, бүсгүй урам хугалахыг бодсонгүй. «Роберт, бод доо. Бернинигийн галтай холбоотой бүх баримлыг чи мэднэ шүү дээ. Ямар ч хамаагүй баримал» гэв.
«Би бодож л байна. Бернини маш олон бүтээл хийсэн. Зуу зуугаар нь. Би Өрнийн салхи нэг сүмийг онцгойлон заах байх гэж бодсон юм. Ядаж санаа өгөх юм руу хөтлөх байх гэж бодсон юм» гэв.
«Fuoco, Гал гэсэн үг. Бернинигийн аль нэг баримал иймэрхүү нэртэй юү?»
Ландон мөрөө хавчин: «Бернинигийн Галын наадам гэдэг алдарт гар зураг бий. Гэхдээ, тэр баримал биш. Тэгээд ч Германы Лайпцигт байдаг юм».
Витториа урвайн: «Чи тэр амьсгал чиг зааж байгаа гэдэгт итгэлтэй байна уу?»
«Чи өөрөө тэр хавтанг харсан шүү дээ, Витториа. Бүгдийг нь тэгш хэмтэй хийсэн байсан. Ямар нэг чиг заасан зүйл гэвэл тэр амьсгал л байсан шүү дээ».
Түүний зөв гэдэг нь мэдээж байлаа.
«Түүнээс гадна» гээд Ландон үргэлжлүүлэн: «Өрнийн салхи өөрөө хийг бэлгэдэж байгаа болохоор, бэлгэдлийн хувьд, амьсгалаа дагаж явах нь зөв» гэлээ.
Витториа толгой дохиод: «За тэгвэл амьсгалаа дагая, гэхдээ хаашаа?» гэв.
Оливетти дундуур нь орж ирээд: «За юу байна даа?» гэв.
«Хэтэрхий олон сүм байна» гэж цэрэг хэлэв. «Хорин дөрөв, түүнээс ч олон. Тэгэхээр хоёр хоёр хүн сүм бүрт тавиад ...»
«Боль, боль» гэж Оливетти таслаад: «Алуурчин хоёр удаа хаашаа очих вэ гэдгийг нь бид мэдсэн боловч алдчихсан. Олон хүн дайчилна гэдэг чинь Ватикан хийдийг огт хамгаалалтгүй орхиод, хайлтаа зогсооно гэсэн үг» гэлээ.
«Бидэнд лавлах хэрэгтэй байх» гэж Витториа хэлээд: «Бернинигийн бүтээлийн индекс. Тэгвэл, цөмөөрөө гарчгуудыг нь гүйлгэхэд, ямар нэг санаа орж ирэх нь лав» гэв.
Ландон эргэлзэнгүй: «Мэдэхгүй юм даа. Бернини Иллюминатид зориулж хийсэн бол тэр нь лав бүрхэг нэртэй байгаа байх. Магадгүй огт индексэд ороогүй ч байж магад» гэлээ.
Витториа түүнийг үгүйсгэн: «Эхний хоёр баримал нэрд гарсан бүтээлүүд байсан, чи тэрийг нь ч мэдэж байсан шүү дээ».
Ландон: «Тийм л дээ» гээд мөрөө хавчив.
«Гал гэдэг үгээр хайлт хийгээд, тэндээсээ зөв чигт байгаа бүтээлүүдийг нь түүвэл олж болно доо».
Энэ зөв санаа гэдгийг зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Ландон Оливетти рүү эргэж: «Бернинигийн бүтээлийн бүрэн жагсаалт хэрэгтэй байна. Мэдээж, Бернинигийн бүтээлийн тухай явган ширээний цомог байхгүй л биз дээ» гэв.
«Явган ширээний цомог оо?» гэж асуухыг харвал, Оливетти анх удаа сонсож байгаа бололтой.
«За тэр яах вэ? Ямар ч хамаагүй цомог. Ватиканы музейд эрх биш Бернинигийн цомог байгаа биз дээ?»
Нүдэндээ сорвитой харуул сандрангуй хэлэв. «Музейн тогийг тасалчихсан. Каталог нь нүсэр том шүү дээ. Туслах хүнгүйгээр ч явахгүй дээ» гэлээ.
Оливетти дундуур нь таслан: «Бернинигийн бүтээл гэнэ ээ? Тэр энд Ватиканд ажиллаж байхдаа хийсэн бүтээлийн тухай та ярьж байна уу?»
«Тийм шүү» гээд Ландон: «Тэр энд бүх насаараа суусан хүн. Тэгээд, яг Галилеотой шүүхдэлцэж байх үед шүү дээ» гэж тайлбарлав.
Оливетти толгойгоо дохисноо: «Тэгвэл өөр нэг лавлах байж болох юм байна» гэв.
Витториагийн нүдэнд оч гялалзаад явчхав. «Хаана тэр вэ?»
Захирагч юм дуугарсангүй харуулаа авч эргээд, цаанаа хар хур хийн юм ярив. Харуулын нүд нь бүлтийж ирснээ, дуулгавартай яа толгой дохино. Оливетти даалгавар өгч дуусмагц, харуул Ландон руу эргэв.
«Намайг дагаарай, Ландон гуай! Одоо ес, арван тав болж байна, яарахгүй горьгүй» гэлээ.
Ландон харуулыг даган хаалгаар гарлаа.
Витториа араас гарах гэтэл Оливетти гараас нь зуурч зогсоогоод: «Ветра авхай, тантай ярих юм байна» хэмээн тушаангуй хэлэв.
Ландон харуул хоёр гарч одов. Оливетти модон мануухай шиг царай гарган Витториаг холдуулаад ярилцъя гэв. Тэр энэ тухай хэлэх гээд огт завдал гарсангүй байсаар өдийг хүрсэн бөгөөд одоо л нэг зай гарлаа гэж боджээ. Гэтэл, гар холбоогоор «Захирагч аа!» хэмээн хашхирав.
Өрөөнд байсан бүх хүний анхаарлыг энэ дуу татлаа.
Гар холбоогоор их л түгшингүй: «Та зурагтаа асаагаад өөрөө үзсэн нь дээр байх аа даа» гэлээ.
Хэсэг 80

Ландон хоёрхон цагийн өмнө Ватиканы нууц архиваас гарахдаа, хэзээ эргэж ирэх тухайгаа огт бодоогүй. Гэтэл одоо, тэр өөр нэг харуултай хамт дахиад л тийшээ яаран яаран гүйж явна.
Түүнийг дагуулж яваа харуул өмнө нь шогшиж, замын хажуугаар шоо дөрвөлжин жижиг гэрэл хөхөлхийн, нарийн зам урд нь дурайх ажээ. Нууц архив өмнөхөөсөө ч илүү дүнсгэр, хүрлийн угтав. Зэгзийм хүйтэн байдлыг харуул л эвдэж, амь оруулж, Ландон түүнд талархаж байлаа.
«Энд байдаг байх аа» хэмээн Ландоны дагуул хана дагуулан өрсөн хэдхэн хорготой хамгийн сүүлийн өрөө рүү дагуулан ирлээ. Шилний цаанаас өлийн товъёог нь уншиж байснаа: «Аа,энд байна. Яг л захирагчийн хэлсэн газар байна шүү» хэмээн бувтнав.
Ландон гарчгийг нь уншив. Attivi Vaticani. Ватиканы хөрөнгө гэнэ үү? Товъёогоос нь гарчиг руу нь орж уншив. Үл хөдлөх хөрөнгө... Валют ... Ватиканы банк ... эртний эдлэл ... хэмээн жагсаалт үргэлжилнэ.
«Ватиканы бүх хөрөнгийн бүртгэл» хэмээн харуул тайлбарлав.
Ландон шоо дөрвөлжин нэг юм олж харлаа. Ээ гэгээн эзэн минь. Энд юу боосныг хэн ч хэлж чадахаар байлаа.
«Ватиканы захиалгаар хийсэн Бернинигийн бүх бүтээлийн жагсаалт энд байгаа гэж захирагч хэлсэн» гэлээ.
Захирагчийн зөн бараг л зөв байж таарлаа шүү гэж Ландон бодов. Бернинигийн үед Папын захиалгаар хийсэн бүх зүйл хуулийн дагуу Ватиканы өмч хэмээн бүртгэгддэг байв. Тийм харилцаа захиалгаар хийдэг бизнес гэхээс илүү феодалын харилцаа маягтай агаад хамгийн мундаг уран бүтээлчдийг Ватикан бараг л худалдаад авчихдаг, урчууд нь ч төдийлөн гомдоллодоггүй, харин ч сайрхдаг байлаа. «Ватиканы гадна байгаа баримлууд ч энд бас бүртгэлтэй байдаг хэрэг үү?» гэж Ландон асуув.
Харуул толгой дохиод :«Мэдээж шүү дээ. Хууль ёсоор, Ромын бүх католик сүм, хийд Ватиканы өмч байдаг юм» гэлээ.
Ландон бүрэн жагсаалт гартаа барьж байлаа. Тэр жагсаалтад Өрнийн салхи-ны амьсгал үлээсэн зүг тэд хорь гаруй сүмийн нэрс, эд хөрөнгийнх нь бүртгэл байв. Эрдмийн гурав дахь шүтээн эдний л нэг байж таарна, тэрийг нь олно доо. Ерийн цагт сан бол, тэр сүм нэг бүрийг тухайлан сонирхох байсан ч одоо бол бүгдийг нь шүүгээд, Бернинигийн галд зориулсан бүтээлийг олоход, ердөө л хорин минут хэрэгтэй байв.
Ландон эргэлддэг цахим хаалгаар дотогш орсонд харуул хөдөлсөнгүй. Ландон түүн рүү эргэж хараад : «Агаар нь бага боловч амьсгалж болохоор шүү» гэв.
«Надад таныг энд хүргэж өгөөд, буцаад аюулгүйн төвд яаралтай ир гэж тушаасан» гэв.
«Та буцах гэж байгаа юм уу?»
«Тийм. Швейцар жард архивд орох эрхгүй. Би таныг энд хүргэж ирснээрээ тэр журмыг зөрчиж байгаа юм. Захирагч надад энэ тухай бас сануулсан».
«Журам зөрчих өө?» Энэ шөнө энд юу болоод байгаа тухай ер нь ойлгож байна уу? «Тэр захирагч ер нь хэний талд ажиллаад байна вэ?»
Үүнийг сонсоод, харуулын нүүрэн дээр байсан бүх уриалагхан шинжүүд гэнэт алга болон хувьсаад, нүд нь доорх сорви нь татганаад явчхав. Тэр залуу гэнэт, яг л Оливетти шиг харагдана.
«Өршөөгөөрэй!» гэж Ландон сая хэлсэн үгэндээ үнэхээр гэмшин: «Надад тусламж хэрэг болж магадгүй гэж бодоод л ...» гэв.
Харуул хөдөлсөн ч үгүй. «Би тушаал гүйцэтгэж сурсан. Түүнээс тушаалын зөв бурууг мэдэхгүй. Та хэрэгтэй юмаа олмогцоо, даруй захирагчтай холбоо бариарай!»
Ландон: «Тэгээд тэр чинь хаана байж байх юм бэ?» хэмээн уцаарлав.
Харуул гар холбоогоо тайлаад, ширээн дээр тавингаа: «Нэгдүгээр суваг шүү» гэчхээд, харанхуйд далд орлоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 7:20 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 81

Папын ажлын ширээний яг өөдөөс харсан гоёмсог хананд том гэгч Хитачи зурагт байдаг ажээ. Ажлын өрөөний цонх онгорхой, хүн бүхэн тэр зурагтын өмнө цуглав. Дэлгэц халж ирмэгц бүлтгэр нүдтэй, хүрэн үстэй залуухан эмэгтэй сурвалжлагч гарч ирлээ.
«MSNBC-ийн мэдээ» хэмээн бүсгүй хэлээд: «Кэлли Хоран-Жонс Ватиканаас шууд мэдээлж байна» гэв. Түүний цаана, Гэгээн Петерийн ордон цонхныхоо бүх гэрлээ гялтгануулан, харанхуйд бүрсийн харагдаж байх ажээ.
«Шууд ч биш байна даа. Эвлүүлэг байна. Ордны бүх гэрэл унтраастай байгаа» гэж Рошер гоочилно.
«Чшш!» гэж Оливетти түүнийг чимээгүй болгоодохов.
Сурвалжлагч их л түгшүүртэй еэ өгүүлнэ. «Өнөө орой Ватиканд олон олон цочирдом үйл явдал өрнөж байна. Цуурганд орж байх ёстой хоёр кардинал Ромд хэрцгийгээр хөнөөгджээ».
Оливетти: «Хөөх!» гэж эхэр татан, уушгиныхаа гүнээс дуу алдав.
Сурвалжлагчийг ярьж байх зуур, нэг харуул хаалган дээр гүйж ирээд: «Захирагч аа! Хяналтын өрөөний деспичерийн бүх утасны гэрэл асчихсан, болж байгаа явдлын талаар албан ёсны тайлбар өгөхийг..»
Оливетти зурагтаас нүдээ салгалгүй ууртай яа: «Унтраа, тэр утасны самбарыг» гэлээ.
Харуул гайхсанаа: «Гэхдээ, захирагчаа...»
«Яв цаашаа!»
Харуул явж одов.
Камерлинго эргэж хараад, юм хэлэх гэснээ больж, Оливетти рүү муухай гэгч хэсэг харснаа, цаашаагаа зурагт руу харахыг Витториа анзаарав.
MSNBC-ийн мэдээ цааш үргэлжилсээр. Швейцар жард кардинал Ебнерийн хүүрийг дэл Пополо талбай дахь Санта Мариагийн сүмээс гаргаж, Альфа Ромеогийн тээшинд хийх тэр эгшинд бичлэг зогсон, кардиналын нүцгэн биеийг татаж томруулан үзүүлэв.
«Ямар золиг нь энэ зургийг авчхав аа?» гэж Оливетти тэвдэнэ.
MSNBC-ийн сурвалжлагч үргэлжлүүлсээр. «Энэ бол Германы Франкфуртын кардинал Эбнер бололтой байна. Харин цогцсыг нь сүмээс гаргаж байгаа хүмүүс бол Швейцар жард ажээ». Сурвалжлагч их л үнэмшилтэй ярьж байгаагаа үзүүлэх санаатай хөдөлж байв. Дараа нь, дэлгэц дээр дахиад л түүний нүүр томрон гарч ирлээ. «Одоо үзүүлэх гэж байгаа бичлэгийн өмнө, бид үзэгчдээ анхааруулах нь зүйтэй болов уу. Энэ бичлэг бодитой бөгөөд зарим үзэгчид маань зохимжгүй санагдаж магадгүй юм».
Телевизийнхэн үзэгчиддээ санаа тавин ингэж анхааруулдаг ч энэ бол хүмүүсийг татах хуурмаг арга гэдгийг Витториа мэддэг тул дургүйцэн: «Хм!» гэв. Ингэж анхааруулсны дараа хэн ч сувгаа сольдоггүй билээ.
Сурвалжлагч давтан: «Дахин анхааруулахад, энэ бичлэг манай зарим үзэгчид хэтэрхий цочроом байж магадгүй билээ».
«Ямар бичлэг вэ? Та нар дөнгөж сая гаргачхаа биз дээ» гэж хэлмэгцээ ... Оливеттигийн хэл нь гацчихлаа.
Зурагтаар хос хоёр Гэгээн Петерийн талбай дээгүүр явж байгааг үзүүлэв. Витториа, өөрийгөө Роберттой явж байгааг шууд л танилаа. Бичлэгийн хажуу бөөрөнд, ВВС-ийн өмч гэсэн бичиг гарч байв. Сүмийн хонх цохилно.
«Үгүй байлгүй дээ» хэмээн Витториа дуу алдав.
«Та чинь энэ бичлэгийг хураагаад авчихсан гээгүй билүү?» гэж Камерлинго Оливетти рүү хялайн асуув.
Бичлэг дээр гэнэт нэг охин цочин хашхирлаа. Камер тэр охиныг хайж олох гэж, дүрс нь сарнин савчин байснаа, охины заасан цусанд автсан орон гэргүй гуйлгачин дээр тогтов. Роберт Ландон дундуур нь гүйн ирж, охинд туслахыг оролдоно. Дүрс улам тодров.
Үйл явдлыг нэг нэгэнгүй үзүүлэх тусам, Папын бичгийн өргөөнд байгаа хүн болгоны царай улам барайн, дуугаа улам хураана. Кардинал нүүрээрээ талбайн хатуу шал тасхийтэл мөргөн уналаа. Витториа гүйж ирээд, тусламж үзүүлнэ. Цус, тамга. Хиймэл амьсгаа хийх гэж оролдоно, уушгинаас нь цус олгойдно.
«Аймшигтай бичлэг» гэж сурвалжлагч хүч нэмэн: «Энэ бичлэгийг хэдхэн минутын өмнө Ватиканд хийсэн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, энэ хүн Францын кардинал Ламазе ажээ. Хөөрхий тэр кардинал цуурганд суухгүй, энд ийм хувцастай хэрхэн ирсэн нь оньсого хэвээр үлдлээ. Одоогоор, Ватикан энэ талаар тайлбар өгөхөөс татгалзаж байна» гэв. Тэгээд, бичлэгийг давтан үзүүллээ.
«Тайлбар өгөхөөс татгалзсан гэнэ ээ» гэж Рошер эгдүүцэн хэлээд: «Ганц минут өгчих л дөө» гэв.
Сурвалжлагч хөмсгөө атируулан ярьсаар л. «MSNBC энэ аллагын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор энэ хэргийн хариуцлагыг өөрсдийгөө Иллюминати хэмээн нэрлэсэн бүлэглэл хүлээнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм».
«Юу гэнэ ээ?» хэмээн Оливетти тэсэрчхэв үү гэлтэй, писхийтэл дуу алдав.
«... Иллюминатигийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг манай вебсайтад зочилж..»
«Non е possible (Огт боломжгүй шүү дээ. ита.)» хэмээн Оливетти гайхна. Тэр сувгаа солив.
Нэгэн испани бололтой залуу: «Иллюминати хэмээх сатаанлаг бүлэглэлийг зарим түүхч үзэхдээ ...» хэмээн гарна.
Оливетти зурагтын удирдлагыг галзуу юм шиг даран, бараг бүх сувгийг сольж үзлээ. Суваг болгон шууд нэвтрүүлэг хийж, дийлэнх нь англи хэлээр ярьдаг суваг ажээ.
« - Швейцар жард энэ орой нэгэн сүмээс нэг хүүр дамнан гаргаж ирсэн нь кардинал...»
« - ордны болоод музейн гэрлийг унтраасан байгаа нь зарим талаар сэжиг төрүүлж байна ...»
« -удахгүй сэрдэх онолч Тайлэр Тинглитэй уулзаж, болоод байгаа цочирдом үйл явдлын талаар ярилц ...»
« - энэ үдэш дахин хоёр аллага үйлдэхээр төлөвлөсөн тухай жиг жуг ярьж байна...»
« - Пап болж магадгүй байсан кардинал Баггиа бас алга болсон эсэхийг тодруулах...»
Витториа зурагтаас холдов. Бүх юм хэтэрхий хурдан өрнөнө. Цонхны цаана харанхуй болж, хүний мууг сонсгосон эмгэнэлт мэдээ Ватиканы зүг улам олон хүнийг татан дуудаж байна. Агшин бүрт олон олон хүн нэмэгдэнэ. Явган хүмүүс талбайн зүг алхалж, сурвалжлагын багаар дүүргэсэн хэвлэлийн мухлаг тэргүүд ар араасаа цуварна.
Оливетти зурагтын удирдлагыг тавиад, камерлингогийн өөдөөс харан: «Сениор. Энэ бүхэн яаж болсныг би мэдэхгүй байна. Бид тэр камерт нь байсан касеттийг л авсан» гэв.
Камерлинго үг дуугарч чадахааргүй болтлоо цөхөрсөн байлаа.
Хэн ч юу ч ярьсангүй. Швейцар жардын харуулууд анхаарлаа хөвчлөн, таг дуугүй зогсоно.
Эцэст нь камерлинго ам нээж: «Энэ үйл явцыг бид хүссэнээрээ хянаж чадалгүй алдуурчээ» гэж уурлах ч сөхөөгүй, цөхөрсөн байдалтай хэлэв. Тэгснээ, хурсан олныг цонхоор хараад: «Би мэдэгдэл хийх хэрэгтэй юм байна» гэлээ.
Оливетти толгойгоо сэгсрэн: «Үгүй, эрхэм ээ. Чухам үүнийг л Иллюминати хүсч байгаа. Мэдэгдэл хийвэл бид тэднийг нотолж, бэхжүүлж орхино. Чимээгүй байх хэрэгтэй».
«Энэ хүмүүсийг тэгээд яах вэ?» гэж камерлинго цонхоор зааж: «Хормын дараа, хүмүүс арав, арван мянгаараа цуглана. Дараа нь, зуу зуун мянгаараа цуглана. Энэ үйл явдал олон олон хүнийг аюул руу дуудна. Хүмүүсийг анхааруулах хэрэгтэй. Тэгээд, кардиналуудыг нүүлгэх хэрэгтэй» гэв.
«Цаг бас ч байна. Рошер зангид антиматерийг олох боломж өгөөч».
Камерлинго ууртай эргэн хараад: «Чи надад тушаах гээ юү?» гэв.
«Үгүй, танд зөвлөж байна. Гадаа байгаа хүмүүсийг тараая гэвэл хий алдлаа гэж зарлаад, талбайг цэвэрлэж болно. Харин, Ватиканыг барьцаанд аваад байгаа тухай зарлавал бүр ч их аюултай».
«Захирагч аа, би танд дахиад хэлье. Дэлхий дахинд, би энэ ариун өргөөнөөс худал хэлж чадахгүй. Ямар нэг юм би хэлбэл, тэр үнэн байх болно».
«Үнэнийг үү? Ватиканыг сатаанлаг бүлэглэл заналхийлээд байна гэж үү? Ингэвэл, байдлыг улам дордуулна шүү дээ».
Камерлинго мэлийн: «Бидний байдал хэр зэрэг дордоно гэж?» гэв.
Энэ зуур Рошер занги зурагтын удирдлага авч дууг нь чангалав. Хүн бүхэн зурагт руу харлаа.
MSNBC-ийн нэвтрүүлэгч хүүхэн дахин дэлгэцнээ гарч ирэхэд, дэлгэцийн хажууд талийгаач Паптны зургийг томоор тавьсан байв. «Шуурхай мэдээ. ВВС-ээс дөнгөж сая дамжууллаа» гээд, тэр хүүхэн камерын цаана байгаа найруулагчаасаа энэ тухай үнэхээр ярих хэрэгтэй эсэхэд тээнэгэлзэн, нүдээрээ асуув. Тэгснээ, нотолсон дохио авсан бололтой, царай нь их л төлөв болж: «Иллюминати дөнгөж сая» гэснээ түгдчин: «... Дөнгөж сая арван таван хоногийн өмнө талийгаач Паптныг хөнөөсөн гэдгээ хүлээлээ» гэв.
Камерлинго амаа ангайн гайхжээ.
Рошер зурагтын удирдлагыг байранд нь тавив.
Витториа сая юу хэлчхэв ээ гэж гайхан, ухаарч ядан байв.
«Ватиканы хуулиар бол Папын биед задлан шинжилгээ хийж байгаагүй, тиймээс Иллюминати аллага хийсэн тухай мэдээ нотлогдохгүй байж магадгүй юм. Гэлээ ч, Иллюминати талийгаач Папын үхлийн шалтгаан бол харвалт биш, хордолт хэмээн мэдэгдэж байна».
Өргөө дахиад л огт чимээгүй болчхов.
Оливетти хагартлаа уурлан: «Галзуу юмнууд ширэн нүүрлээд, худлаа ярих юм!» гэлээ.
Рошер дахин дахин суваг солино. Мэдээ, яг л халдварт өвчин шиг, сувгаас сувагт давтагдаж, бүгд яг ижил мэдээ цацна. Гэхдээ, толгой гарчиг нь шуугиан тарих хамгийн ончтой томьёоллууд байж ажээ.
Ватикан дахь аллага
Хорлогдсон Пап
Сатаан Бурхны асрыг ганхуулав
Камерлинго харцаа буруулан: «Бурхан минь, аварч тэтгээч!» гэв.
Рошер дахин нэг суваг тогтоон үзэв. ВВС-ийн мэдээний ширээн дээр төлөв царайтай нэг эр сууна. Улаан сахалтай, гажиг царайтай хүний зургийг дэлгэцийн дээд буланд тавиад, зургийнх нь доор Гунтер Глик - Ватиканаас шууд гэж бичжээ. Глик утсаар холбогдсон бололтой, яриа нь тасалдаж байв. «Зураглаач бид хоёр кардиналын цогцсыг Чиги сүмээс гаргаж байхад нь бичлэг хийсэн юм» гэлээ.
«Үзэгчиддээ дахин сануулахад BBC-ийн сурвалжлагч Гунтер Глик энэ үйл явдлыг хамгийн түрүүнд сурвалжилсан хүн юм. Иллюминатигийн алуурчин гэх хүнтэй тэрээр хоёр удаа утсаар холбогджээ. Гунтер, алуурчин хэдхэн хормын өмнө тань руу утастаж, Иллюминатигаас мэдээ дамжуулсан гэв үү?»
«Тэгсэн».
«Тэр, Иллюминати - талийгаач Паптны үхэлтэй ямар нэг хэмжээгээр холбоотой гэдгээ хүлээсэн гэв үү?» гэж нэвтрүүлэгч асуухдаа, нэг л итгэл муутай сонсогдоно.
«Тийм, тийм. Тэр надад хэлэхдээ, Пап Ватиканыхны бодож байгаачлан, харвалт бол өнгөрөөгүй, харин Иллюминати түүнийг хорлосон юм гэсэн».
Өргөөнд байсан хүн бүхэн амьсгаа даран чагнана.
«Хорлосон гэнэ ээ?» хэмээн нэвтрүүлэгч түгдчин: «Яаж?» гэв.
«Тодорхой юм огт хэлээгүй» гэж Глик хэлснээ: «Гэхдээ тэр ...» гээд утасны цаанаас цаас шажигнах чимээ сонсогдсоноо: «Херапин гэх бодисоор хордуулсан гэсэн» гэлээ.
Камерлинго, Оливетти, Рошер гурав бие бие рүүгээ айх гайхах зэрэгцсэн харцаар харцгаав.
«Херапин?» гэж Рошер асууснаа: «Энэ чинь нөгөө ...»
Камерлинго хүрлийн: «Паптны эм шүү дээ» гэв.
Витториа гайхан: «Пап херапин хийлгэж байсан юм уу?» гэв.
«Цус бүлэгнэх өвчтэй байсан юм» гэж камерлинго хэлээд: «Өдөрт нэг удаа тариа хийлгэдэг байсан юм» гэв.
Рошер гайхаш тасран: «Гэхдээ херапин чинь хор биш биз дээ. Яагаад Иллюминати»
«Херапины тунг нь ихдүүлбэл үхлийн аюултай» гэж Витториа хэлэв. «Энэ чинь хүчтэй антикоагулянт. Их тунгаар хэрэглэвэл дотуур цус алдаж, тархи цусны дутагдалд ордог юм».
Оливетти их л сэжиглэнгүй: «Ингэхэд, та яаж энэ тухай мэддэг юм бэ?» гэв.
«Далайн биологичид тэнгисийн сүүн тэжээлтнийг хашихдаа, хөдөлгөөний дутагдлаас болж цусны blood clotting үүсэхээс сэргийлж, херапин хэрэглэдэг юм. Тунг нь буруу хэрэглэснээс болж амьтан үхэх тохиолдол бий» гэснээ: «Херапинийг их тунгаар хүнд хэрэглэвэл, харвалттай андуурах симптом өгч болох юм, ялангуяа, задлан хийхгүй бол» гэлээ.
Камерлинго түгшсэн байртай харав.
«Эрхэм ээ, энэ бол илэрхий Иллюминатигийн нийтэд зориулсан худал яриа! Папад тунг нь хэтрүүлж өгнө гэдэг байж болшгүй хэрэг. Хэн ч ингэж чадахгүй. Тэдний зөв байя гэхэд, түүнийг нь нотолж хэзээ ч чадахгүй. Папын хуулиар задлан хийхийг хориглодог шүү дээ. Тэртээ тэргүй херапинийг өдөр болгон хэрэглэж байсан болохоор задлах хийсэн ч гэсэн херапиний ул мөр олдож л таарна, тэр нь юу ч нотлож чадахгүй» гэлээ.
«Үнэн шүү» гэж камерлингогийн хоолой чангарч эхэлснээ: «Гэхдээ өөр юм намайг зовоож байна. Дээрхийн гэгээнтэн ийм эмчилгээ хийлгэж байгаа гэж хэн ч мэдээгүй шүү дээ».
Өргөөнд чимээгүй болов.
«Үнэхээр херапиний тунг нь хэтрүүлсэн бол биед нь шинж тэмдэг илрэх ёстой» гэж Витториа хэлэв.
Оливетти Витториа руу хандан: «Ветра авхай, та намайг сонсоогүй бололтой. Папын хуулиар Ватиканд задлан шинжилгээ хийхийг хориглодог юм. Дайснууд маань тийм ийм гэж хэлсний төлөө, бид Дээрхийн гэгээнтний ариун цогцсыг мэсээр эсгэж болохгүй» гэв.
Витториа жаахан эвгүйцэн: «Би тэгье гээгүй ээ». Бүсгүй буруу зүйл ярьмааргүй, эвгүй сэтгэгдэл төрүүлмээргүй байлаа. «Мэдээж би Папын ариун биеийг хөндөх гээгүй» гэснээ дахин түгдчив. Чиги сүмд байхад, Робертын хэлж байсан санаанд орлоо. Папын авс ямагт газар дээр байдаг, цементээр огт хучдаггүй, эртний фараонуудын адил газар доор булшилбал сүнс нь түгжигдэж үлддэг гэж итгэдэг уламжлалтай ажээ. Зуу зуун фунтийн жинтэй тагийг зүгээр л авсан дээр нь тавьдаг, гравитацын хүчнээс өөр юм тэр тагийг хаадаггүй байна. Техникийн хувьд бол боломжтой л юм хэмээн бүсгүй бувтнав.
«Ямар ямар шинж тэмдэг үзүүлдэг юм бэ?» гэж камерлинго гэнэт асуув.
Витториа цочсондоо зүрх нь амаар гарчих шахав.»Тунг нь хэтрүүлбэл амны мукоса цус алддаг юм» гэлээ.
«Амны юу гэнэ ээ?»
«Хохирогчийн ам нь цус алддаг. Үхсэний хойно цус нь өтгөрч бөглөрөөд, амных нь дотор тал хар өнгөтэй болно» гэв. Витториа -Лондонгийн усан санд, нэг сургагч тунг нь санамсаргүй хэтрүүлээд, үхүүлчихсэн хоёр халим загасны зургийг харснаа санав. Хоёр халим усан дээр хөвчихсөн, ам нь ангархай, хэл нь тас хар болчихсон байлаа.
Камерлинго юм хэлсэнгүй, босч цонхоор харав.
Рошерийн итгэл төгс байдал замхарсан шинжтэй: «Сениор, хэрэв энэ мэдээ үнэн бол ...»
«Худлаа!» гэж Оливетти тасалж хэлээд: «Гаднын хүн Паптанд ойртоно гэдэг уулаасаа боломжгүй» гэв.
«Хэрвээ энэ үнэн бол, хэрвээ ариун эцгийг маань үнэхээр хордуулсан бол энэ антиматерийг хайх ажиллагаанд шууд нөлөөлнө шүү» хэмээн Рошер хэлэв. «Хэрэв үнэхээр амь насыг хорлосон бол тэд бидний бодож байгаагаас ч илүү гүнзгий нэвтэрсэн байж таарна. Тэгвэл, цагаан бүсийг нэгжээд ч нэмэргүй. Хэрэв дотоод бүсийг бүхэлд нь нэгжье гэвэл, бид канистерыг олохгүй ч байж магадгүй нь» гэлээ.
Оливетти занги руу тун муухай хяламхийн: «Занги аа, юу болохыг 6и танд хэлж өгнө» гэж санууллаа.
«Үгүй шүү» гэж камерлинго эргэж харснаа шууд Оливетти рүү эргэж: «Би танд юу болохыг хэлж өгнө шүү» гэлээ. «Энэ бүхэн хэтэрхий газар аваад байна. Би хорин минутын дараа цуурганыг завсарлуулах эсэх, кардиналуудыг нүүлгэн шилжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана. Шийдвэр эцсийнх. Ойлгомжтой юу?» гэв.
Оливетти хөдөлсөнгүй. Дуугарсан ч үгүй.
Камерлинго эргээд, чанга дуугарч эхэлсэн нь нөөцөд байсан эцсийнхээ хүчийг шавхаа юу гэлтэй. «Рошер занги, та цагаан бүсийг нэгжиж дуусмагцаа надад шууд илтгэ!» гэв.
Рошер толгой дохингоо, Оливетти руу санаа зовсон байртай хяламхийв.
Дараа нь камерлинго дагуул хоёр харуулдаа хандан: «ВВС-ийн сурвалжлагч Гликийг энд авчир. Хэрэв Иллюминатигийн алуурчин түүнтэй холбоо барьж байгаа бол тэр залуу бидэнд туслах магад. Яв!» хэмээн илгээв.
Хоёр харуул эгшин зуур алга болов.
Тэгээд, бусад харуул руу эргэн: «Эрхэмүүд ээ. Өнөө орой дахиж хэн нэгэн амиа алдахыг би хармааргүй байна. Та бүхэн нөгөө хоёр кардиналыг арван цагийн дотор олж, эдгээр аллагыг үйлдсэн тэр мангасыг барьж ир. Ойлгомжтой юу?» гэв.
«Гэвч, эрхэм ээ!» гэж Оливетти арцан: «Бид тэдний хаана байгааг мэдэхгүй байгаа шүү дээ» гэв.
«Ландон гуай энэ талаар ажиллаж байгаа. Тэр чадах байх. Би сүсэглэж байгаа шүү» гэлээ.
Тэгээд, тэрээр дахин эрс шийдмэгээр хаалга руу гарахдаа, гурван харуул руу дохин: «Та гурав надтай хамт яв!» гэж тушаав.
Харуулууд дагав.
Хаалгаар гарахынхаа өмнө камерлинго эргэж, Витториа руу хандан: «Ветра авхай, та ч бас надтай хамт явна уу» гэлээ.
Витториа эргэлзэнгүй: «Та хаачихна вэ?» гэвэл, тэрээр хаалгаар гарангаа: «Сайн нөхрөө нэг эргэе дээ» гэв.
Хэсэг 82

СЭРН-д нарийн бичиг Силвий Боделок авхай гэдэс нь өлсөөд, гэртээ харихын түүс болж байв. Аз дутахад, Колэр захирал эмнэлэгт оччихоод, амьд гараад ирсэн төдийгүй түүнийг оройтож ажиллахыг гуйж биш, тушааж утастжээ. Тэгэхдээ, нэг ч тайлбар тавьсангүй.
Энэ олон жилийн турш Силвиа өөрийгөө Колэрын хувьсгануур муухай ааш, дуугүй мөртөө хөгийн дарамттай зан, уулзалтаа сэмхэн тэргэнцрийнхээ гар дор байрлуулсан видео камераар бичиж авдаг зуршлыг нь тоохгүй байхаар програмчилсан билээ. Колэр, СЭРН дэх буудлагын тийрт өдөр болгон очдог, тэгэхдээ нэг өдөр өөрийгөө буудчихаасай гэж сэмхэн боддог ажээ. даан ч, Колэр бас ч тийм муу бууддаг хүн биш байв.
Силвий одоо ажлынхаа ширээний ард, гав ганцаараа гэдэс нь хоржигнохыг сонсож сууна. Колэр ирээгүй хэвээр, тэгсэн мөртөө ийм тийм ажил хий гэж ч утастсангүй. Золиг шиг энд өлөн, ажилгүй сууж байснаас гэж бодмогцоо, цаас авч, Колэрт зурвас үлдээгээд, ажилчдын гуанз орж голоо зогоохоор гарав.
Урьд нь бүсгүй хэзээ ч ингэдэггүй байлаа.
Бүсгүй СЭРН-ийн ажилчдын гуанзны урт танхимаар явж байхдаа, бүх ажилчин хоолоо идэлгүй, гуанзны танхимын том зурагт дээр шавсныг анзаарав. Нэг их том юм болоод байгаа бололтой. Хүмүүсийн ард нь очиж зогсвол, «бит-толгойтнууд» гэдэг компьютерын залуу шазруун мэргэжилтнүүд тэнд сууж байлаа. Бүсгүй дээгүүр нь зурагтаар гарч байгаа мэдээний тэргүүн гарчгийг уншаад, ухаан алдах шахав.
Ватикан дахь аллага
Силвий сонссон зүйлдээ итгэсэнгүй. Эртний нэг нөхөрлөл Папыг хорлолоо гэнэ үү? Юугаар баталсан юм бэ? Үзэн ядалт нь уу? Эсвэл хайнга байдал нь уу?
Гэхдээ л гуанзанд байгаа ерөнхий уур амьсгал их түгшүүртэй байв.
Хоёр залуу мэргэжилтэн - Билл Гейтсийн зурагтай, доор нь Газар дэлхийг техникийнхэн өвлөнө гэсэн бичигтэй футболкоо дэврүүлэн гүйлдэнэ.
«Иллюминати одоо ч байгаа гэж би та нарт хэлээгүй юу» гэж нэг нь хэлэв.
«Би энэ чинь компьютер тоглоомын нэр л гэж бодсон шүү дээ» гэсэнд,
«Хөөе мал аа, тэд чинь Папыг хөнөөчхөөд байна, нөгөө Папыг чинь!» гэлээ.
«Папыг хөнөөсний төлөө хэдэн оноо авах бол?» гэж нэг нь хэлээд, бүгдээрээ маасайтал инээлдэнэ.
Силвий гайхан хачирхана. Эрдэмтдийн дунд ажилладаг католик бүсгүй заримдаа шашны эсрэг жиг жуг сонсдог боловч, бүх юманд ингэж ханддаг энэ овилгогүй хүүхдүүд - шашны жин нөлөө буурсны үр дүн биз ээ гэж бодож суув. Юу нь тийм хөгжилтэй байгаа юм бол? Яагаад тэд ингэж үзэн ядна вэ?
Силвийгийн хувьд сүм гэдэг ямагт хэрүүл маргаанаас ангид тайван газар, найрсаг дулаан хүмүүсийн цуглаан, заримдаа зүгээр л хүмүүсийн нүдэнд олзлогдохгүйгээр чанга дуулах боломжтой сайхан газар байлаа. Сүмд -оршуулга, хурим, баптизм, баяр - гээд л хүний амьдралын гол гол үйл явдал өрнөдөг мөртлөө хэнээс ч, хэзээ ч хариу нэхэж байгаагүй билээ. Мөнгөн хандив өргөсөн ч болно, өргөхгүй байсан ч болно. Хүүхдүүд нь ч Наран гаригийн сургуульд сурч, тусламтгай.найрсаг байхыг заалгадаг ажээ. Энд, тэгээд, юу нь буруу байх вэ дээ?
СЭРН дотор байгаа ийм олон «сэргэлэн толгой», яагаад сүм хийдийн үзүүлдэг ийм энгийн ач холбогдлыг ойлгодоггүй юм бол гэж бүсгүй заримдаа гайхдаг байлаа. quarks and mesons дундаж хүнийг сайн сайханд хөтөлж үнэхээр чадах уу? Тэгшитгэл гэгч хүний ариун нандин зүйлд итгэх итгэлийг сэргээж чадна гэж үү?
Силвий жаахан уцаарлангуй хонгилоор алхаж явахдаа, зурагттай бүх өрөө пиг дүүрэн хүнтэй байхыг харлаа. Ватиканаас өнөө өглөө Колэр рүү залгаад байсан нь - болоод байгаа жигтэй явдалтай холбоотой юм биш байгаа? Магадгүй л юм. Ватикан - СЭРН-ийн хийсэн судалгааг эсэргүүцсэн мэдэгдэл гаргах болгоныхоо өмнө «хүндэтгэн сануулж» утастдаг: хамгийн сүүлд нанотехнологийн салбарт хийсэн СЭРН-ийн нээлт генийн инженерчлэлийн салбарт нөлөөлж магадгүй гэж сүм хийдийн зүгээс буруушааж утастсан билээ. СЭРН тэрийг нь тоодоггүй байв. Ватиканыг дөнгөж эсэргүүцэж дуусмагц, Колэрын утас дахин дуугарч, технологид хөрөнгө оруулдаг компаниуд шинэ нээлтийнх нь лицензийг сонирхон ярьдаг байлаа. Колэр тэдэнд Ватиканы мэдэгдлийн тухай «хэвлэлийн муухан шуугиан шүү дээ» л гэж хэлдэг байв.
Силвий Колэр рүү пэйжэрдэж, хаана ч, юу ч хийж байсан бай зурагтаа асааж, мэдээ үз гэдэг юм уу гэж бодлоо. Тэр тоох болов уу? Тэр ер нь болж байгаа үйл явдлын талаар сонссон болов уу? Мэдээж сонссон л байх. Тэгээд, тэр бүх мэдээг сандлынхаа гар доорх нууц камераар доогтойхон бичиж авч байгаа биз.
Силвий хонгилоор явсаар тоглоом тохуу хийж, хөөрч баясаагүй бараг л меланхолик гэмээр хэдэн хүн сууж байхыг харлаа. Тэд бол СЭРН-ийн хамгийн хөгшин, хамгийн нэр хүндтэй хүмүүс, Силвий орж ирээд суухыг анзаарсан ч шинжгүй мэдээ үзэж байв.
СЭРН-ийн өөр нэг хэсэгт, Леонардо Ветрагийн хүйтэн байранд Максимлиан Колэр орных нь хажуугийн шүүгээнээс авсан ширэн хавтастай тэмдэглэлийн дэвтрийг уншиж дуусгаад, зурагтаар мэдээ үзэж байв. Хэдэн минутын дараа Ветрагийн тэмдэглэлийг буцааж тавиад, зурагтаа унтраан, өрөөнөөс гарлаа.
Алсын алсад, Ватикан хийдэд, кардинал Мортати бумба дүүрэн саналын хуудсыг Систин цогчны зууханд дахин хийлээ. Тэр цаасан хэц дүрсхийн шатахад, яндангаас хар утаа олгойдов.
Хоёр удаа санал хураалаа. Пап тодорсонгүй.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 8:04 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 83

Гар чийдэн барьж яваа ч, Гэгээн Петерийн ордны түнэр харанхуйг бүрэн гэрэлтүүлж яагаад ч чадахгүй ажээ. Толгой дээр, тэртээ хол, том бөмбөгөр адар хүнхийх агаад Витториад одгүй шөнө далайд хөвөх шиг хов хоосон санагдана. Бүсгүй - Швейцар жардын харуулууд, камерлинго нарыг даган алхана. Тээр дээр тагтаа дуугарч, cap сүр хийх сонсогдоно.
Бүсгүйн жихүүдсийг мэдсэн юм шиг, камерлинго гараа сунган, мөрөн дээр нь тавихад, хүчтэй чадал дамжаад ирэх шиг боллоо. Камерлинго - одоо хийх гэж байгаа ажилд нь чухал хэрэгтэй урам зориг өгөх шиг болов.
Яах гээд байгаа юм болоо гэж бүсгүй бодсон оо, солиотой юм гэж өөртөө үглэв.
Гэхдээ л, хэчнээн айж бэмбэгнэж байсан ч, хийхээс өөр арга байхгүй гэдгийг ойлгож байв. Камерлингог шийдвэр гаргах хэрэгтэй, харин шийдвэр гаргахад - Ватиканы доод хонгилд байгаа авсанд булшлагдсан мэдээлэл хэрэгтэй байлаа. Юу болох бол гэж бүсгүй эмээнэ. Иллюминати Папыг хөнөөсөн гэж үү? Тэд үнэхээр тийм чадалтай гэж үү? Би Папын биед задлан шинжилгээ хийх гэж байна гэж үү?
Витториа энэ том харанхуй байшинд явж байхдаа, шөнө далайд сэлэхээс илүү эвгүйцэж байгаагаа мэдрэн, гайхасхийж явав. Байгаль - сайхан. Бүсгүй байгалийг мэддэг байв. Гэвч, энэ бол хүний ертөнц - ойлгоно гэдэг хэтэрхий төвөгтэй. Махчин загас улай үзэн цуглах шиг, хэвлэлийнхэн олз горьдон, гадаа шавжээ. Зурагтаар гаргаж байсан тамгалуулсан хүний хүүр аавыг нь санагдуулж, алуурчны жихүүдэс хүрэм инээдийг амилуулна. Айдас төрөхөөс илүү уур хилэн дүрэлзэнэ.
Тэд - Витториагийн мэдэх хамгийн том хар модноос ч илүү бүдүүн модон баганыг тойроход, өмнө нь нэг оч алтран байлаа. Тэр гэрэл ордны яг төв хэсэгт шалан доороос сүүмийх мэт санагдана. Ойртож явахдаа, Витториа юу харснаа ухаарлаа. Энэ бол Ватиканы хамгийн нандин зүйлсийг агуулдаг, хоймрын шүтээний эгц доор орших нууцлаг өрөө байв. Тэнд тосон дэнлүүгээр хүрээлсэн алтан гүнгэрваа байлаа.
«Гэгээн Петерийн яс уу?» гэж Витториа мэдэхийн цаагуур мэдэж байгаа атлаа асуув. Энэ ордныг мэддэг хүн болгон л үүнийг мэддэг билээ.
«Үгүй ээ. Хүмүүс дандаа тэгж андуурдаг юм» гэж камерлинго эрс үгүйсгээд: «Энэ дурсгал төдий эд биш. Энэ гүнгэрваанд шинэ сонгогдсон кардиналд Папаас өгдөг шаш тууз байдаг юм» хэмээн тайлбарлав.
«Гэхдээ би бодохдоо...»
«Бүгд л тэгж боддог юм. Танилцуулга номд үүнийг дандаа Гэгээн Петерийн авс хэмээн бичсэн байдаг, гэхдээ жинхэнэ булш нь эндээс хоёр давхар доош, газар доор байдаг юм. Дөчөөд оны үед түүнийг ухаж гаргасан, одоо тийшээ хэнийг ч оруулдаггүй юм» гэв.
Витториа мэл гайхав. Тэр олон мянган бээрийг бадарчлан туулж, Ватиканд ирж, энэ алтан гүнгэрвааны дэргэд ирж мөргөөд, буцаж ирмэгцээ, би Гэгээн Петерийн авсанд мөргөсөн хэмээн сайрхан ярьж байсан хүнтэй уулзаж байсан билээ. «Ватикан яагаад энэ тухайгаа хүмүүст хэлдэггүй юм бэ?»
«Бид ариун зүйлээс дандаа л увдис хүртэж байдаг. Тэр нь хоосон байсан ч ялгаагүй» гэлээ.
Витториа, эрдэмтэн хүний хувьд, энэ логикийг зөвшөөрөхөөс өөр аргагүй байв. Тэр, плацебо нөлөөний тухай олонтаа уншиж байлаа. Шидэт эм хэмээн итгэсэн эгэл нэгэнд жирийн нэгэн аспирин өгөхөд хорт хавдар эдгэж байсан гэдэг. Ингэхэд сүсэг гэж юу билээ?
«Өөрчлөх гэдэг л Ватиканд харин байдаггүй юм. Хуучин алдаагаа хүлээн зөвшөөрөх, модернизац гэх мэт зүйлээс бид түүхийн турш зайлсхийсээр ирсэн. Дээрхийн гэгээн харин үүнийг өөрчлөх гэж оролдсон юм» гэснээ хэсэг түгдчин: «Тэр орчин үеийн ертөнц рүү гарч, бурханд хүрэх шинэ зам хайж байсан юм» гэлээ.
Витториа түнэр харанхуйд толгой дохин: «Эрдэм шиг үү?» гэв.
«Үнэнийг хэлэхэд эрдэм үүнд хамаагүй».
«Хамаагүй ээ ..?» Витториа эрдмийн тухай олон зүйл ярьж болох ч гэсэн, «хамаагүй» гэх үг л лав огт тохирохгүй санагдана.
«Эрдмээр хүнийг анагааж болно. Эрдмээр хүнийг алж болно. Аль нь ч гэсэн эрдмийг хэрэглэж буй хүний сүнснээс хамаарна. Тэр сүнсийг нь, харин, би сонирхдог юм» гэв.
«Та бурхны дуудлагыг* хэзээ сонссон бэ?»
«Төрөхөөсөө өмнө».
Витториа түүн рүү гайхан харав.
«Уучлаарай, хачин хариулт байна гэж бодож магадгүй. Би бурханд зүтгэх ёстой гэдгээ дандаа л мэддэг байсан. Гэхдээ, залуу зандан цагтаа цэрэгт алба хаах үедээ л зорилгоо сая ухамсарласан юм» гэв.
«Та цэрэгт байсан юм уу?»
«Хоёр жил. Би буу барихгүй гэсэн болохоор, намайг эмнэлгийн нисдэг тэрэгний нисэгч болгосон юм. Би одоо ч хааяа хааяа нисдэг».
Витториа камерлингог нисдэг тэрэг жолоодож байгаагаар төсөөлж үзэв. Тэгсэн харин ч гайхмаар санагдсангүй. Камерлинго Вентреска жолооны ард сууж байгаа нь түүний тэнгэрлэг дүрийг бүр ч тодотгож байх шиг санагдав. «Та Паптай хамт нисч байсан уу?»
«Үгүй ээ. Бид зөвхөн мэргэжлийн хүмүүст тэр тэнгэрлэг хүнд үйлчлэхийг л зөвшөөрдөг юм. Харин, Пап хааяа намайг нисдэг тэргээ унаад, Гондолфо нутагтаа харихыг зөвшөөрдөг байсан» гэлээ. Тэгснээ чимээгүй болж, харанхуй дунд Витториа руу эргэн хараад: «Ветра авхай, та ийшээ бидэнд туслахаар ирсэнд би чин зүрхнээсээ талархаж байна. Таны эцгийн төлөө эмгэнэл илэрхийлье, үнэн сэтгэлээсээ» гэлээ.
«Гялайлаа».
«Би аавыгаа хэзээ ч харж байгаагүй. Тэр маань намайг төрөхийн өмнө өөд болчихсон. Харин, ээж минь намайг аравтай байхад өнгөрсөн дөө».
Витториа гайхан, адилхан хувь заяатай юм болов уу гэж бодсоноо: «Та өнчдийг асрахад өссөн юм уу?» гэлээ.
«Би ослоос амь гарсан юм. Харин, тэр осол ээжийг минь авч одсон».
«Хэн таныг өсгөсөн юм бэ?»
«Бурхан» хэмээн камерлинго хэлээд: «Бурхан надад өөр аав хайрласан юм. Палермогийн хамба намайг эмнэлгийн орон дээр байхад ирээд авч явж билээ. Тэгэхэд, би огт гайхаагүй. Би бурхны энэрэнгүй хайрыг, бүр бага байхаасаа л, ингэж мэдэрсэн хүн. Хамба гуайн тэр сайхан царай, миний бодож байснаар, бурхан намайг сонгосон юм байна гэдгийг нотолж өгсөн юм даа».
«Таныг бурхан сонгосон гэж та боддог юм уу?»
«Тэгдэг шүү». Камерлингогийн хоолой итгэл төгс гэхээсээ, талархангуй өнгө сонсогдоно. «Би хамба гуайн доор олон жил ажилласан. Дараа нь, тэр маань кардинал болсон ч намайг мартаагүй юм. Тэр бол миний санаж явдаг аав минь юм шүү дээ» гэлээ. Гар чийдэнгийн гэрэл савчин, камерлингогийн нүүрэн дээр зэрвэс тусахад, нүдэнд нь гансрал үзэгдэнэ.
Тэр хэд явсаар, нэг гулдан хаалганы дэргэд ирж онгойлгоход, гар чийдэн савчин гэрэл нь ийш тийш тусч байв. Хаалганы цаана, доошоо буусан том өргөн шат байх агаад, яагаад ч юм бэ, Витториад буцмаар санагдав. Харуулууд камерлингог хаалгаар гаргаад, дараа нь бүсгүйд туслав.
«Тэр тэгээд яасан бэ?» гэж Витториа цааш нь ухаж асуугаад: «Таныг тэр энд авчирсан уу?» гэв.
«Тийм. Тэгээд, тэр өөр албанд тохоогдон, кардиналын цуглааныг орхисон юм».
Витториа гайхаж орхив.
«Тэгээд, яасан гэж? Ингэж асууж байгаад уучлаарай. Нас барчихсан уу?»
«Le mie condoglianze. Саяхан уу?» гэж Витториа асуув.
Камерлинго эргэж харахад, цаана нь тусах гар чийдэнгийн гэрэлд нүүр нь сүүдэртэн байлаа. «Яг арван таван хоногийн өмнө. Бид одоо түүн дээр очиж явна» гэлээ.


* Бурхны дуудлага гэдэг нь христийн шашинт хүний хувьд бурхныг шүтэх тухай сайн зарыг сонсож мэдээд, бурханд итгэх христийн зөв шүтлэгт орох тухай ойлголт юм.

Хэсэг 84

Архивын хорго дотор гэрэл муутай чийдэн хөхийнө. Энэ хорго өмнө нь байснаас илүү жижиг ажээ. Бага байх тусам бага цаг, бага агаар хэмээн Ландон бувтнаад, Оливеттиг агааржуулагч ажиллуулж өгөөч гэж гуймаар санагдана.
Ландон Belle Arti (Уран бүтээл) гэсэн товъёогтой шүүгээг зоволгүй олов. Андуурах ч арга байсангүй. Тэр хэсэг бүхэл бүтэн найман тавиур дүүрэн байлаа. Католик сүм хийд дэлхий даяар сая сая урлагийн бүтээлийг эзэмшдэг билээ.
Ландон тавиурууд дээрх каталогийг гүйлгэн, Жанлоренцо Бернинигийн бүтээлийн жагсаалтыг хайна. Шүүгээний дунд хавиас Б үсгийн каталог эхлэх байх гэж таамаглан, дээж доош хэд гүйлгэж харснаа «Б» үсгийн каталог байхгүй юм байх даа хэмээн гайхлаа. Тэгснээ, энэ каталог үсэг дарааллаар хийгдээгүй юм байна гэдгийг гэнэт ухаарав.
Тэр каталогийн учрыг нь олох гэж зөөдөг шатыг нааш цааш татан, дээр доор нь гарна. Нэлээн гайхширсны эцэст шүүгээний хамгийн дээд эгнээнд, хамгийн зузаан хавтас олсон нь сэргэн мандлын үеийн буюу Микланжело, Рафаэло, да Винчи, Ботичелли нарын бүтээлийн жагсаалт байв. Одоо л Ландон «Ватиканы хөрөнгө» хоргоны учрыг оллоо. Тэр жагсаалтыг уран бүтээлчийн мөнгөн дүнгээрээ хамгийн үнэтэй бүтээлээс нь эхэлж дараалуулсныг ухаарлаа. Микланжело, Рафаэл хоёрын завсар Бернини гэсэн товъёог олсон нь таван хуруу зузаан байлаа.
Амьсгал нь давхацсаар, түнтийсэн зузаан хавтастай юм барьсан Ландон шатаар арай хийж буув. Тэгээд л, зурагтай ном үзэж байгаа хүүхэд шиг хавтсаа шалан дээр тавьж байгаад, хуудсыг нь эргүүлж гарлаа.
Даавуун хавтастай тэр хүнд номын хуудаснуудыг Итали хэлээр, гараар бичсэн байв. Хуудас бүр нэг л бүтээлийг бүртгэж, тэр бүтээлийн тухай товч тайлбар, бүтээсэн огноо, байрлал, материалын үнэ, заримдаа ерөнхий дүрсийг нь хавсаргасан байлаа. Ландон найман зуун хуудастай бүртгэлийн хуудас бүрийг нь эргүүлж гарав. Бернини зүгээр сууж тун чаддаггүй хүн байсан бололтой.
Оюутан ахуй цагтаа, тэр — нэг хүн богинохон амьдралынхаа турш яаж ийм олон бүтээл туурвиж чадсаныг гайхдаг байлаа. Дараа нь, тэр -аугаа уран бүтээлч нар өөрийнхөө гараар тун цөөхөн зүйл урласныг нь мэдээд, уур нь хүрдэг байжээ. Тэд том том урлантай, тэндээ өөрөө эх загвараа гаргачхаад, залуу уран бүтээлчдийг хөлсөлж томруулдаг байсан байна. Бернини мэтийн барималчид эх загвараа шавраар урлаад, олон хүн хөлсөлж гантиг болгон, томруулдаг байжээ. Хэрэв энэ олон бүтээлээ Бернини ганцаараа хийсэн сэн бол өнөөдрийг хүртэл дуусалгүй, нухаж суух сан билээ.
«Индекс» гэж Ландон, тархиныхаа холбоосуудыг чангалах санаатай, чанга гэгч хэлээд, номоо арагш нь эргүүлж, F үсгээр эхэлсэн, fuoco буюу гал гэсэн үгийг хайж эхлэв. даан ч тэр F-үүд нэг дор байсангүй, энд тэнд өөр үгтэй хоршин оржээ. Энэ хүмүүс цагаан толгойн үсгийн дарааллыг яагаад аваад хэрэглэчхэж чаддаггүй байна аа, золиг гэж.
Бүтээлийг он дарааллаар жагсааж, Бернини шинэ бүтээл хийх тоолон, тэр өдөр нь бүртгэж орхидог байжээ. Бүртгэлийг огноогоор нь хийжээ. Ямар ч тус алга.
Ландон жагсаалтыг харж байснаа, дахиад нэг бэрхшээл байгааг ухаарав. Хайж байгаа бүтээлийнх нь нэрэнд гал гэсэн үг заавал орсон байх албагүй билээ. Хабаккук, Ангель хоёр, Өрнийн салхи гэх хоёр нэрэнд Шороо, Хий гэдэгтэй холбоотой үг санаа огт байхгүй.
Ландон аргаа бараад, нэг хоёр минут хуудсыг нь эргүүлж, тойруулан харж, санаа өгчих зураг тааралдах болов уу хэмээн шүүрдэв. Мэдэхгүй ч бүтээл тааралдах, мэдэх ч бүтээл тааралдах. Даниэль, Арслан хоёр: Аполло, Дафни хоёр гэх мэт үргэлжилсээр. Нэлээн хэдэн усан оргилуур үзэгдэнэ. Усан оргилуур хармагц, бодол нь түр сарнив. Ус. Эрдмийн дөрөв дэх шүтээн усан оргилуур байж болох юм. Тэгвэл, усанд зориулсан хамгийн оновчтой өргөл болно доо. Гэхдээ, алуурчныг усанд зориулсан бүтээл хайхаас өмнө барьчих биз дээ. Бернини, гэхдээ, хэд хэдэн оргилуур барьсан, бараг бүгдээрээ сүмийн өмнө байдаг билээ.
Ландон эргээд, асуудал руугаа орлоо. Гал. Номоо ширтсээр сууна. Витториагийн үг түүнд урам өгч байв. Чи эхний хоёр баримлыг нь мэддэг байсан ... тэгэхээр, чи лав энийг нь ч гэсэн мэддэг байх. Индекс рүү эргэж, мэддэг бүтээлийнхээ нэрсийг хайвал, нэг нь ч олигтой санаа төрүүлсэнгүй. Ландон, ухаан алдахаасаа өмнө энэ каталогийг дуусгаж чадахгүй юм байна гэдгээ гэнэт ухаарч, хоргоноос гарч каталогоо үзвэл дээр юм байна гэж бодлоо. Энэ чинь зүгээр л бүртгэлийн дэвтэр шүү дээ гэж өөртөө хэлэв. Энэ чинь Галилеогийн эх номын хуудсыг авч гарахтай адил биш шүү дээ. Цээжнийхээ хармаанд хийсэн нөгөө хуудсаа санан, эндээс гарахаасаа өмнө, тэр хуудсыг буцааж тавих ёстойгоо өөртөө сануулав.
Номоо өргөөд, хаах гэснээ гэнэт зогтусав. Индекс дотор зөндөө тайлбар байсан боловч тэр нэг тайлбар арай л өөр байлаа.
Тэр бол Гэгээн Терезагийн баясал хэмээх Бернинигийн баримал агаад Ватикан доторх анхны байрнаас нь удалгүй зөөжээ. Гэхдээ, энэ баримал өөрөө анхаарал татсангүй. Энэ баримлын түүхийг нэлээд сайн мэднэ. Дийлэнх хүн үүнийг гайхалтай бүтээл гэж үнэлдэг ч, Урбан VIII Пап энэ баримлыг хэтэрхий завхай хийцтэй, Ватиканд байж болохгүй хэмээн үзээд, Ромын бөглүү мухрын нэг жижиг сүм рүү илгээжээ. Тэр сүм - Ватиканаас дорнош орших таван сүмийн нэг байлаа. Түүнээс гадна, тэнд per suggerimento del artista гэсэн тайлбар байв.
Бүтээлчийнх нь саналаар? Ландон хэсэг бодолхийлэв. Бернини бүтээлээ бөглүү мухрын нэг жижиг сүм рүү явуулахыг санал болгосон гэдэг нэг л жоготой байв. Хэн ч байсан өөрийнхөө бүтээлийг, мэдээж, том сүмүүдийн өмнө байлгахыг эрх биш хүсэх билээ. Гэхдээ хэрэв...
Тэр санаагаа улам лавшруулах ухав. Энэ боломжтой юу? Бернини энэ баримлыг Ватиканаас гаргахын тулд уулаасаа хэтэрхий завхай гэмээр хийцтэй хийсэн юм болов уу? Бернинигээс хаана байрлуулахыг асууна гэж тэр мэдээ болов уу? Тэгээд, тэр бөглүү мухрын сүм нь Өрнийн салхины амьсгал зүгт байхаар сонгосон гэж үү?
Ландон энэ барималтай төдийлөн танил биш болохоор, сонирхол нь улам дүрэлзэх авч энэ баримал гал-тай ямар ч холбоогүй ажээ. Баримлыг харсан хэн ч байсан, энэ бол эрдмийнх бус, порнограф төрлийн байж магадгүй, ямартай ч эрдмийн шинжгүй гэх сэн билээ. Нэг английн шүүмжлэгч «Гэгээн Терезагийн баясал Христийн сүмд баймааргүй ганц баримал юм» хэмээн тодорхойлсон байлаа. Үүнийг ойлгож болно. Гэгээн Терезаг - нуруугаараа налж хэвтээд, хөлийн хуруунуудаа жимбийлгэн, дүрсэлсэн нь яавч Ватиканд байх эд биш ажээ.
Ландон хурдан гэгч тэр бүтээлийн тайлбарыг татаж үзлээ. Тойм зургийг нь харвал, найдварын оч гэнэт гялсхийв. Тэр тойм зурагт Гэгээн Тереза үнэхээр л өөрөөсөө таашаал авсан байртай байх боловч ... хажууд нь өөр нэг дүрс байх агаад тийм дүрс байдгийг Ландон ор тас мартсан байв.
Ангель!
Ангелийн араас домгийг нь саналаа.
Гэгээн Тереза зүүдэнд нь ангель ирж, түүнтэй уулзсан гэж нотолсныхоо дараа гэгээн хэмээн цоллогдсон гэлэнмаа байлаа. Шүүмжлэгчид тэр уулзалтыг шашинлаг биш, янаг байсан болов уу гэдэг. Хуудасны доор, Тереза өөрийгөө өмгөөлөн өгүүлсэн гайхамшигт мөртүүдийг ишлэсэн байлаа.
Гантайсан алтан жад ... гал бадарсан, сүрдэм жад ... биеийг минь бүлэн бүлэн ... хэвлийг минь нэвт нэвт бүлэн ... болиулмааргүй, тачаадам сайхан таашаал өгч байлаа...
Ландон инээмсэглэнэ. Энэ дур тавьсан хурьцлын тухай биш бол, өөр юуны тухай байх билээ. Түүнээс гадна, тэр тайлбарыг уншин инээмсэглэж байв. Тайлбарыг итали хэлээр бичсэн ч гэсэн fuoco буюу гал гэдэг үг хэд хэдэн удаа давтагджээ.
... ангелийн жадны үзүүрт гал бадарч байв.
... ангелийн тэргүүнд галын дөл цацарч байв.
... бүсгүй тачаалын галд шатаж байв.
Ландон тойм зургийг дахин харснаа, улам итгэлтэй болов. Ангель жадаа зүг чиг заах мэт өргөжээ. Ангель бүр ариун эрлийг чинь заана. Тэр бүү хэл, Бернинигийн сонгож авсан ангелийн төрөл ч няхуур байлаа. Энэ бол серафим байлаа. Сераф гэдэг «галт нэгэн» гэсэн үг билээ.
Ландон юмыг нягтлан нягтлан шалгадаг ч, нэрэнд төдийлөн ач холбогдол өгдөггүй нэгэн: гэхдээ, баримал байгаа сүмийн нэрийг уншаад, бүр ач холбогдол өгч байв.
Санта Мариагийн дэлла Витториа сүм.
Ялалт.
Ландон бодов. Төгс.
Ландон өндийхөд, толгой нь хэсэг эргэв. Энэ номыг эргүүлж байранд нь тавих уу, яах вэ гэж, шат харан, хэсэг бодолхийллээ. Золиг гэж, Жакуй эцэг өөрөө тавина биз гэж тэр бодоод, номыг доод тавиурт нь нямбай гэгч тавиад орхилоо.
Эргэдэг цахилгаан хаалга руу, товчийг нь дарахаар очихдоо, Ландон амьсгаадаж байсан ч их л урам зоригтой байв.
Даан ч, тэр аз нь хаалга руу очихоос өмнө хийсчхэв.
Ямар ч анхааруулга өгөлгүй, хоргын гэрэл унтарчхав. Хаалганы тог ч бас тасраад, ажиллахгүй байв. Удалгүй пад пад гээд, архивын гэрэл тэр чигтээ унтраад, тас харанхуй болчихлоо. Нэг хүн гэрэл унтраачихжээ.
Хэсэг 85

Ватиканы ариун гүдин* гээч нь Гэгээн Петерийн сүмийн гол талбайн эгц доор орших агаад тэнд талийгаач болсон Пап нарыг нутаглуулдаг ажээ.
Витториа спираль шатаар доошилсоор бунхан руу орлоо. Тэнд, СЭРН-ийн Хадрон бутлууртай адил хүйтэн харанхуй, Швейцар жардын барьсан rap чийдэн л зам гэрэлтүүлж байлаа. Хоёр талын хананд, тасалгаа гаргаж ухсан гонхон байх агаад чийдэнгийн гэрэлд, урд байгаа чулуун авс л дэгэн догон гэрэлтэнэ.
Бүсгүйн жихүүдэс хүрнэ. Хүйтэн байна шүү гэж амандаа бувтнах ч, энэ тэндээс хараад байгаа юм шиг санагдах нь бүр ч жихүүдэс хүрмээр ажээ. Авс болгоны дээр Пап болгоны царай, биеийг бодит хэмжээ нь ямбаныхаа хувцсыг бүрэн жагсааж, гараа зөрүүлэн хэвтсэн шуумлыг нас барсан дүрээр дүрсэлжээ. Түүнийг хармагц, тэд авсныхаа хүнд боржин тагийг өргөн зайлуулаад, дотроос гарах гэж зүтгэх мэт аймшигтай санагдана. Тэдгээр авсны дунд гар чийдэнгийн гэрэл савлан, урагш зүтгэж, босоо хэвтээ янз бүрийн Папын дүрс зурсхийн орж ирээд л харанхуйдаа эргээд уусч, сүг мэт мэт сүүмэлзэнэ.
Талийгаачдыг хүндлээ юү, сүнсээс нь айгаа юу, тэд хоорондоо ган хийлгүй, чимээгүй алхална. Камерлинго алхам бүрээ мэддэг юм шиг, нүдээ аниатай явах ажээ. Витториа түүнийг, талийгаач Папыг өнгөрснийх нь дараа бунхан руу нь олонтаа ирсэн бололтой гэж сэжиглэн бодсоноо: магадгүй энд ирж, арилаачид мөргөн, юу хийж, яах ёстойг зурж, зааж өгөөч гэж залбирдаг байсан биз гэж цагаатган бодлоо.
Би кардиналын ивээл дор олон жил ажилласан хэмээн камерлинго ярьж байсан билээ. Надад яг л аав минь юм шиг ханддаг байж билээ. Витториа өөрийг нь армиас аварсан тэр кардиналын тухай ярьж байсан камерлингогийн үг, аяс болгоныг тодхон санана. Хожим болсон явдлууд ч түүнд ойлгомжтой байлаа. Камерлингод тийм халуун дулаан хандаж байсан тэр хамба, Пап болон өргөмжлөгдөөд, хажуудаа залууг татан, гарын даа болгосон ажээ.
Энэ ч олны юмны учрыг тайлж байна шүү гэж Витториа бодно. Витториа хүний дотоод сэтгэлийн учгийг үргэлж л мэдэрдэг бөгөөд камерлингогийн сэтгэлийн учиг ч анхаарлыг нь өдөржин татсан билээ. Уулзсанаасаа хойш, камерлинго болж байгаа үйл явдлаас тэс өөр, нэг л бишрэл төрүүлсэн атлаа цаанаа санаа зовнисон шинжтэй байгаад байлаа. Амарлингуй царайных нь цаана, дотроо цамнах чөтгөртэй асхин буй эр харагдана. Бүсгүйн зөн зөв байжээ. Ватиканы түүхэнд байгаагүй заналтай тулж, ачааны хүндийг үүрч буй энэ хүн тулж түшдэг хамгийн дотнын багшаа алдчихаад, ганцаардан аргагүйдэж байгаа нь энэ ажээ.
Жардууд хаашаа явахаа мэдэхгүй, энэ хавьд л байх ёстой хэмээн тээнэгэлзэх шиг зогсосхийв. Харин камерлинго итгэл төгс урагшилсаар, бусдаасаа илүү тод гэрэлтэх мэт харагдах нэгэн чулуун авсны дэргэд хүрч зогслоо. Дээр нь сүүлчийн Папыг дүрсэлсэн шуумал байна. Телевизээр талийгаач Папыг олонтаа харсан болохоор, Витториа шуумлыг хармагцаа танив. Одоо яах бол? Бор зүрх нь бомболзон чичирнэ.
«Бидэнд цаг бага ч гэсэн, та бүхэн бурхныг бодож, залбирал үйлдэнэ үү» гэж камерлинго хэлэв.
Швейцар жардууд зогссон газраа мэхийн ёслов. Витториа ч тэднийг дуурайн мэхийхэд, зүрх нь лүг лүг хийн цохилно. Камерлинго авсны өмнө сөгдөн, Итали хэлээр уншлага уншлаа. Витториа тэр уншлагыг сонсон ахуйд эцэг нь.., ариун багш нь санагдаж, өөрийн эрхгүй нулимс дуслуулав. Камерлингогийн уншлага Папад төдийгүй эцэгт нь зориулагдсан мэт санагдана.
«Оройн дээд эцэг, зөвлөгч, нөхөр минү» хэмээн камерлинго сүрлэг тод хэлэхэд, эргэн тойрон хүнгэнэн цуурайтлаа. Витториагийн сэтгэлд үг нэг бүр нь царгин цоргилно. «Дотроос чинь сонстох дуу хоолой болгон бурхных шүү гэж, хүүхэд ахуйд минь та сургадаг байж билээ. Ямар ч аймшиг руу хөтөлж байсан тэр л дуу хоолойг сонсож, дагаж бай гэж сургадаг байж билээ. Миний бие өнөөдөр тэр л дуу хоолойг даган, цээрт үйлийг аймшиггүй үйлдэхээр энд ирлээ. Хүч чадал хайрла. Өршөөл энэрлээ соёрх. Таныхаа сүсэглэж явсан тэр бүхний төлөө, үүнийг би зүрхлэн үйлдсү. Амен».
«Амен» гэж, Жардууд даган өгүүлэв.
«Амен, эцэг минь» хэмээн, Витториа хоолой зангируулан хэлээд, нулимсаа арчлаа.
Камерлинго алгуур босч, авснаас алхам холдоод: «Тагийг нь ав!» гэлээ.
Жардууд тээнэгэлзэн зогсож, нэг нь зүрхлэн: «Эрхэм ээ! Хууль ёсоор, бид таны мэдэлд. Хий гэснийг чинь л хийнэ л дээ...»
Камерлинго тэр жардын бодлыг унших мэт яриаг нь таслан өгүүлрүүн: «Би ийм юм хийлгэснийхээ төлөө, нэг л өдөр танаас өршөөл хүснэ. Харин одоо би танаас дуулгавартай яа гүйцэтгэхийг хүсье. Ватиканы бүх хууль католик шашныг хамгаалах цор ганц зорилготой байдаг. Чухам тэр ариун зорилгын төлөө өнөөдөр тэр хуулиудыг зөрч гэж би тушааж байна».
Жардын гавуу** тээнэгэлзэхээ больж тушаал өгөв. Гурван залуу гар чийдэнгээ газар тавьж, ханцуй шамлан авс руу очиход, сүүдэр нь толгой дээгүүр сүүтгэнэнэ. Цэргүүд гараа зэрэгцүүлэн, тагийн толгой хавьд тавиад, хөлөө арагш жийж, түлхээр зэхэв. Нэгэн командаар, том боржин тагийг бүх хүчээрээ нэгэн зэрэг амьсгаа аван, хүчлэн түлхлээ. Таг хөдөлсөнгүй. Дэндүү хүнд ажээ. Витториа дотор нь юу байх бол гэхээс жихүүдэс хүрнэ.
Гурван эр дахин түлхэвч таг бас л хөдөлсөнгүй.
«Ancora!» хэмээн камерлинго хэлээд ханцуйгаа шамлан тэдэнтэй зэрэгцэн хамт түлхэхээр зогсов. «Ora!» Бүгд зэрэг түлхлээ.
Витториа тэдэнд туслаар сэтгэн, ухасхийсэн боловч том хар таг хяхтнан, аажуухан онгойж эхэллээ. Эрчүүд дахин уухайлан түлхвэл, чулуу чулуутай үрэлдэн хяхарч, авсны таг хайрцаг дээрээ тэгнэн эргэв. Авсны тагийн толгой цаашаагаа, хөл нь наашаагаа хөндөлдөн завсар гарлаа.
Бүгд аниргүй болж, амьсгаадан ухрав.
Тэгснээ, нэг жард бөхийж, гap чийдэнгээ аваад, авсны дотор тал руу гүйлгэн тусгалаа. Гэрлээ нэлээн тогтоож байснаа, дахин тойруулан харна. Бусад жард нэг нэгээрээ хойноос нь очиж, авс руу өнгийнө. Тэдний мэгдэж байгаа нь харанхуйд ч гэсэн мэдэгдэхээр байлаа. Тэвдэж сандарсан тэд биеэ загалмайлан залбирна.
Камерлинго ч авс руу тонгойн харснаа, гилмэн балмагдав бололтой, мөр нь унжаад явчихлаа. Тэгж хэсэг зогссоноо, эргэж харлаа.
Rigor mortis гэх шинж илэрч, Паптан шүдээ зуурчихсан байвал эрүүг нь зааж, амыг нь ангайлгаж байж л, хэлийг нь харах хэрэгтэй болно доо гэж Витториа эмээж байлаа. Гэтэл, тэгэх хэрэг байсангүй. Эрүү нь сулраад, ам нь том гэгч ангайсан байв.
Харин хэл нь тас хар өнгөтэй байлаа.


* Шашны том мяндагтанг оршуулсан шарилын сүм гэсэн монгол үг.
** Гавуу - Улирсан цэргийн цол. Өнөөгийн ахлагчтай дүйнэ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 8:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 155
Location: S.Korea
Баярлалаа маш сонирхолтой байлаа.


Top
   
PostPosted: Apr.17.15 9:33 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
||someone|| wrote:

... Витториа хүний дотоод сэтгэлийн учгийг үргэлж л мэдэрдэг бөгөөд камерлингогийн сэтгэлийн учиг ч анхаарлыг нь өдөржин татсан билээ. Уулзсанаасаа хойш, камерлинго болж байгаа үйл явдлаас тэс өөр, нэг л бишрэл төрүүлсэн атлаа цаанаа санаа зовнисон шинжтэй байгаад байлаа. Амарлингуй царайных нь цаана, дотроо цамнах чөтгөртэй асхин буй эр харагдана. Бүсгүйн зөн зөв байжээ...

Витториа ч аргагүй мэдрэмжтэй бүсгүй шүү ...


Last edited by Bookcracker on Apr.17.15 10:12 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.17.15 10:09 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 86

Гэрэл ч үгүй, анир ч үгүй.
Нууц архив тас харанхуй.
Айдас Ландоныг хөтлөн, хүч өгч байх ажээ. Амьсгаа нь давхацсан тэр хаалга руу гүйн очиж, товчийг нь алгаараа цохилов. Нэмэргүй. Дахин цохилов. Хаалга ажиллахаасаа өнгөрчээ.
Харанхуйд тэмтчин хашхирсан боловч, хоолой нь хүржигнээд, дуу ч гарсангүй. Бүх юм түүнийг тойроод, бөглүү оргиод авчихлаа. Уушги нь хүчилтөрөгч нэхэн татваганаж, татваганах тусам зүрх нь хоёр дахин их цохилно. Яг л элгэндээ эвхэртэл цохиулсан мэт санагдана.
Бүх биеэрээ хаалга руу мөргөж үзсэн чинь хаалга эргэлдэж байгаа юм шиг санагдав. Мөргөх бүр нүдэнд нь оч үсчинэ. Нүдээ нээсний дараа л ганц хаалга эргээд байгаа биш, харин бүхэл бүтэн өрөө түүнийг тойрон эргэлдэж байгааг ухаарлаа. Толгой нь эргэсэн Ландон гүйдэг шат тулах гэтэл шалан дээр падхийн унав. Өвдөг дээрээ сөхрөн, номын тавиур руу тэмтэчлээ. Хөлрөн байж арай гэж шатаа барьж авлаа.
Шат уул нь хүнд мод юм уу, төмөр байх болов уу гэж бодсон чинь хөнгөн цагаанаар хийсэн эд ажээ. Ландон голсонгүй, шатаа хана мөргөдөг туухай шиг бариад, түнэр харанхуй дунд хоргоны шилэн ханыг баримжаалан, хар эрчээрээ гүйв. Хана бодсоноос ойрхон байж таарч, шат ханыг байдаг эрчээрээ мөргөсөн боловч шилэн дээр зөөлхөн түнхийгээд, ойж орхив. Энэ шилийг зүгээр нэг хөнгөн цагаан шатаар цохиод хагалж чадахгүй ажээ.
Талбай дээр буутай явж байснаа гэнэт санасан боловч Оливетти захирагч Папын өрөөнд орохын өмнөхөн, камерлингогийн аюулгүй байдлыг хангах үүднээс хураагаад авчихсаныг саналаа. Буутайгаа байсан бол ч...
Ландон дахин хашхирсан боловч хоолойн чадал барагджээ.
Харуул - гар холбоогоо хоргын гадна байгаа ширээн дээр тавьсныг санав. Би аваад орчихгүй яав даа! Цээжин дээр нь хүнд юм дарчихсан юм шиг санагдаж, нүдэнд нь хөхөлбөр оч гэрэлтэнэ. Өмнө нь ийм тэг дөрвөлжин юман дотор түгжигдээд үхэх гэж л байсан шүү дээ. Түүнтэй харьцуулахад одоо байгаа маань ч гайгүй л байна. Тэр үед чи жаахан хүүхэд байсан мөртөө л, яах ёстойгоо бодоод олчихсон шүү дээ, тэгэхээр одоо бол чадаж л таарна. Ойр тойр, улам бүр түнэр харанхуй болно.
Ландон шалан дээр хэвтээд, нуруугаараа өнхөрч, дээш харан хэвтэв. Гараа хоёр талаараа сул унжууллаа. Тэгээд, биеэ хянах гэж оролдоно.
Тайван, тайван.
Босоо зогсоогүй болохоор зүрхэнд ирэх ачаалал багасч, галзуурсан юм шиг лугшиж байсан цохилт нь овоо зөөлрөв. Усанд сэлэлтийн тамирчид тэмцээний хооронд ингэж амардаг ажээ.
Энд агаар хангалттай, сайхан байна. За одоо харин яавал дээр вэ, хөө. Тог ирчих болов уу гэж горьдосхийн бодолхийлж хэвтэнэ. Даан ч тог ирсэнгүй. Гэхдээ амьсгаа нь арай уужирч, толгой нь эргэхээ болив.
Гарна шүү, эндээс, хө гэж өөртөө хэлсэн боловч, яаж гэдгээ мэдэхгүй л байлаа.
Бугуйд нь Микки Маустай цаг харанхуйд хөхөлзөн инээвхийлэх шиг 9.33 зааж байв. Гал болоход хагас цаг дутуу байдаг. Нэгэнт өнгөрөх шив дээ гэж санагдана. Тэгснээ цухалдаж, хэн энэ тогийг тасалж орхидог байна аа. Рошер занги эрлийнхээ хүрээг тэлж байгаа нь энэ юм болов уу? Оливетти намайг энд байгаа гэж Рошерт хэлээгүй юм байх даа? Тэглээ гээд, одоохондоо ямар нэмэр байх вэ дээ.
Толгойгоо дагзаар нь шал руу тулж, амаа том гэгч ангайлгаад, чадах чинээгээрээ уужим амьсгаа авах гэж хичээнэ. Амьсгалах бүр хүчилтөрөгчийнх нь хэмжээ буурна. Гэхдээ л, толгой эргэхээ болив. Тэгээд, бүх бодлоо хураагаад.төвлөрүүллээ.
Шилэн мөртөө, даан ч зузаан эд юм даа, чөтгөр гэж.
Энэ дотор хүнд, төмөр, галд тэсвэртэй хавтас байдаггүй юм байх даа. Уул нь бусад архивд байдаг л юм сан. Гэхдээ, энд тийм юм харагдаагүй санагдана. Байсан ч гэсэн тэрийг тас харанхуйд хайж олно гэдэг цаг үрсэн ажил. Оллоо гээд өргөж даахгүй хүнд, ялангуяа, ингэж сульдсан үедээ.
Уншлагын ширээ!!! Номын тавиуруудын голд уншлагын жижиг ширээ байсныг Ландон саналаа. Ер нь бүх л архив тийм байдаг. Тэгээд юу гэж? Тэртээ тэргүй өргөж дийлэхгүй байж. Хөдлөглөө ч гэсэн тийм хол авчирч чадахгүй, номын тавиурууд хооронд тэр ширээг багтаагаад, аваад гарчих зай ч байхгүй.
Тавиурууд хоорондын зай хэтэрхий нарийхан...
Гэнэт, сайхан санаа зурсхийв.
Тэр год үсрэн бослоо. Хэт хурдан өндийснөөс болоод, толгой нь янхийтэл өвдөөд, харанхуйд тэмтчин байж, хажуугийнхаа номын тавиур түшив. Тэгээд хэсэг зогсож, амсхийлээ. Санаагаа хэрэгжүүлэхийн тулд бүх хүчээ шавхах хэрэгтэй болохоор, амсхийх хэрэгтэй.
Америк хөл бөмбөгийн тамирчин сургуулилалтын тэрэг түрж байгаа юм шиг номын тавиурыг мөрөөрөө тулаад, хөлөө шал руу жийгээд, байдаг хүчээрээ түлхлээ. Тавиурыг унагааж чадвал ч... Номын тавиур хөдөлсөнгүй. Ландон байрлалаа засаад, дахин түлхэв. Хөл нь шалан дээр гулсана. Тавиур хяхарсан ч хөдөлсөнгүй.
Хөшүүрэг хэрэгтэй болох нь.
Ландон нэг гараараа хоргын шилэн ханыг тулж баримжаалаад, хоргын ар талын хана руу байдаг хурдаараа гүйв. Арын хана бас л бодож байснаас ойрхон байж таарч, бас л мөргөж орхив. Хараал тавиад, Ландон сүүлийн эгнээний номын тавиураас зуурлаа. Нэг хөлөөрөө арын хана руу тийрч, нөгөө хөлөөрөө номын тавиурын доод тавцан дээр тавимагцаа дээшээ авирч эхэллээ. Тавцанг гишгүүр хийн, дээр нь байсан ном дээр гишгэчин, дээшээ авирна. Амь гарах зөн нь архив, бичиг хэргийн ямар ч журам дүрмээс илүү хүчтэй түүнийг адгуулж байв. Харанхуй болохоор тэнцвэрээ олох хэцүү, дээрээс нь олон олон оч гэрэлтээд байхаар нь нүдээ аньчихсан, авирч явлаа. Ландон шалмаг хөдөлж байлаа. Дээшлэх тусам агаар сийрэгжиж, амьсгалах улам хэцүү болно. Эцэстээ уулын оргилд гарсан уулчин шиг, хамгийн дээр талын тавцан дээр гарлаа. Тэгээд, нөгөө хөлөө шил рүү жийж, бараг л хана, номын тавиур хоёрын хооронд тэгнэж зогслоо.
Одоо биш бол хэзээ ч биш шүү, Роберт гэж өөртөө үглээд, яг л сургуульдаа хөл жийх, дасгал хийдэг шиг ээ гэж шавдууллаа.
Толгой нь эргэж байсан ч гэсэн цээжээрээ номын тавиурыг тулж, гараараа зуураад, хоёр хөлөө хана руу тулж жийлээ. Болсонгүй. Номын тавиур хөдөлсөнгүй.
Байрлалаа засаад, дахин түлхэв. Номын тавиур энэ удаа бага зэрэг хөдөллөө. Тэгмэгц, дахин хүчлэн түлхсэнд, тавиурын дээд тал хөдөллөө. Ганц хуруу орчим цаашаагаа хазайснаа, ганхаж, наашаагаа буцан хазайна. Ландон номын тавиурыг цаашаа хазайхад нь түлхэн, наашаа хазайхад нь тулан ганхуулж эхэллээ.
Ингэж ганхуулаад л байя. Гэхдээ, цаашаа хазайхад нь нэмж түлхье.
Номын тавиур одоо бүр хүчтэй ганхаж эхэллээ. Цаашаагаа хазайх болгонд нь Ландон хөлөө улам хүчтэй жийнэ. Дөрвөн мөч нь янгинан өвдөвч тэр хайхарсангүй. Дахиад гурвантаа түлхээд л ...
Гурав хүрсэнгүй, хоёрхон л түлхүүллээ.
Гэнэт жингүй ч юм шиг, нисээд байгаа ч юм шиг болов. Баахан ном тавиураас сарр хийтэл асгарч, Ландоны зүүгдсэн номын тавиур цаашаагаа уналаа.
Номын тавиур газар хүрэлгүй, цаанаа байсан өөр нэг тавиурыг хүчтэй гэгч дэрлэн цохиж, ганхууллаа. Ландон ухасхийн, цаад тавиурын орой руу үсрэн цааш нь түлхэж, дэм үзүүлнэ. Тэр тавиур удалгүй чахран дуугарч, бас л унав.
Номын аварга том тавиурууд бие биеэ яг л эгнээ даалуу шиг дэрлэн унана. Төмөр төмрөө түнхийтэл цохилон, ном сарр хийн асгарч, аймшигтай нүргэлэнэ. Нэг тавиур унахад, Ландоны зүүгдэж байсан тавиур сэг хийн нэгэнтээ доошлох агаад энд ер нь номын хэдэн тавиур байсан юм бол, хэр их жинтэй юм бол гэж хүртэл бодоод амжив. Цаана байгаа шилэн хана ч зузаан даа...
Ландоны зүүгдсэн тавиур доошилсоор бараг л газар хүрэхийн даваан дээр, тэр хүлээж байсан чимээ нь сонсогдов. Тэртээ цаад талд, хаалганы тэнд, төмрөөр шил цохих чимээ гарлаа. Хамгийн сүүлийн номын тавиур хүнд том шилэн ханыг хүчтэй еэ мөргөхөд, хоргын хана тэр чигтээ доргин жингэнэв. Гэхдээ, удалгүй хамгийн муухай юм болж, горь тасраад явчихлаа.
Чив чимээгүй.
Шил хагарч бутарсан чимээ сонсогдсонгүй, зүгээр л номын хүнд тавиураар хүчтэй цохиулсан шил цохилтын жинг шингээн, түнннннн хийн удаан доргих л сонсогдлоо. Гэтэл, удалгүй тэртээд, жингэнэн хяхтнах чимээ гарах шиг болов. Ландон номон овоолгыг ширтэн, тэр чимээг амьсгаа даран чагнах гэсэн ч амьсгалаа түгжихээр ч агаар тэнд үлдээгүй байлаа.
Нэг хором, хоёр хором ...
Ухаан балартан унахын даваан дээр, Ландон шил зад үсрэн гадагш цацагдах чимээ сонслоо. Шилэн хорго яг л их бууны сум шиг дэлбэрчихэв. Ландоны зүүгдсэн номын тавиур ч шалан дээр уналаа.
Бороо орох мэт шил жингэнэн шалан дээр буух тэр эгшинд, агаарын урсгал сэнгэнэн цутгалаа.
Ватиканы хонгилд талийгаачийн дэргэд зогсож байсан Витториагийн бодлыг гар холбоогоор аахилан, давчидсан хүний дуу тасалж орхив. «Роберт Ландон байна. Намайг сонсож байгаа хүн байна уу?»
Роберт! Витториа түүнийг хажуудаа байсан болоосой гэж ямар их хүсч байснаа гэнэт ухаарав.
Жардууд бие биеэ гайхан харсхийснээ, нэг нь гар холбоогоо сугалж аваад: «Ландон гуай! Та гуравдугаар суваг дээр байна. Захирагч таныг нэгдүгээр суваг дээр хүлээж байгаа» гэв.
«Тэрийг нэгдүгээр суваг дээр байгаа гэж мэдэж байна, гэхдээ би түүнтэй биш, камерлинготой яримаар байна. Намайг холбоод өгөх хүн байна уу?» гэв.
Нууц Архивын гүн харанхуйд хагархай шилэн дунд Ландон амьсгаадан зогсоно. Зүүн гарыг нь даган бүлээхэн юм урсаж байгааг харвал, цус гарчээ. Камерлингогийн хоолой гэнэт цаанаас сонсогдов.
«Би Вентреска камерлинго байна. Юу болоо вэ?»
Ландон харилцуурын товчийг даран, лугших зүрхээ даран: «Нэг хүн намайг цааш нь харуулах гэж оролдох шиг боллоо!» гэв.
Шугам чимээгүй болов.
Ландон нэг гүнзгий амьсгаа аваад: «Би бас дараагийн аллага болох газрыг олчих шиг боллоо» гэлээ.
Түүнд хариулсан хүний хоолой камерлинго биш, харин Оливетти захирагч байлаа. «Ландон гуай. Юу ч битгий яриарай».
Хэсэг 87

Ландоныг Бэлведэрэ гудмыг өгсөн, Швейцар жардын командын байр руу гүйж явахад, цус болсон цаг нь 9.41 болж байв. Гараас нь цус гоожихоо больсон ч харагдаж байгаагаасаа илүү өвдөж байлаа. Тэр дөнгөж ирмэгцээ Оливетти, Рошер, камерлинго, Витториа, өөр бас хэдэн цэрэг ирсэн байхыг харав.
Витториа түүн рүү ирээд: «Роберт! Чи шархадчихсан байна шүү дээ» гэлээ.
Ландоныг хариу хэлэхээс өмнө Оливетти өрсөн: «Ландон гуай, та харин ч дажгүй байх шив дээ. Сэтгэл амарлаа. Би сануулахаа мартчихаж. Өршөөгөөрэй» гэв.
«Мартчихаж ээ?» гэж Ландон уурлан хашхичив. «Тэнд намайг байгаа гэдгийг мэдсээр байж...»
Рошер: «Миний буруу, эрхэм ээ» хэмээн урагш алхан хэлээд: «Би таныг архивд байгаа гэж огт мэдээгүй юм. Бидний шалгаж байгаа цагаан бүсийн нэг хэсэг нь таны байсан байшинтай цуваа холбогдсон байдаг юм. Бид эрлээ тэлж байсан болохоор тог таслах тушаалыг би өгсөн юм. Би мэдсэн сэн бол...»
«Роберт» гэж Витториа таслан хэлээд, Ландоны шархтай гарыг харж, эргүүлж тойруулан үзэнгээ: «Паптанд хор өгсөн юм байна. Иллюминати түүнийг хөнөөжээ» гэлээ.
Ландон тэр үгийг сонссон боловч ойшоох сөхөөгүй шахуу байсан болохоор шууд ухаарсангүй. Тэр зүгээр л бүсгүйн дулаан зөөлөн гарыг мэдэрч байв.
Камерлинго дээлнээсээ торгомсог даавуу гаргаж ирээд, гараа арчиг хэмээн Ландонд өглөө. Гэхдээ юу ч хэлсэнгүй. Ногоон нүдэнд нь гал дүрэлзэнэ.
Витториа: «Роберт, чи дараагийн кардиналыг хаана хөнөөхийг мэдэж чадсан гэл үү?» гэв.
Ландон: «Тийм шүү. Түүнийг нөгөө юунд...»
«Байз» гэж Оливетти дундуур нь орж ирээд: «Ландон гуай. Таныг нэг ч үг бүү дуугар гэж гар холбоогоор хэлэхдээ, зүгээр хэлээгүй юм шүү» гэлээ. Тэгээд эргэж Щвейцарь жардууд руу хандан: «Эрхэмүүд, өршөөх ажаам уу» гэлээ.
Харуулууд командын төв рүү алга болов. Хэн нь ч гомдоллосонгүй.
Тэднийг явуулаад, Оливетти эргэж харан өгүүлэв. «Хэлэхэд эвгүй ч гэсэн, Папыг зөвхөн энэ ханан дотор байгаа хүмүүсээс л хөнөөж чадна гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс буяныг бодож нэг ч хүнд итгэж болохгүй, манай жардуудад ч гэсэн» гэлээ. Энэ үгийг их л гаслантай яа, гэхдээ шударга хэлж байв.
Рошер арсан: «Энэ дотор»
«Тиймээ тийм» гэж Оливетти таслаад: «Таны хайлт оновчтой гэдэгт эргэлзмээр болоод байна. Гэхдээ л, бид тэгэхээс өөр аргагүй. Хайгаад бай» гэлээ.
Рошер юм хэлэх гэснээ болиод, явж одов.
Камерлинго гүнзгий амьсгаа авлаа. Тэр үг хэлээгүй байсан боловч Ландон энэ хүний зориг дахин хатуужиж байгааг мэдэрлээ.
«Захирагч аа» гэж камерлинго шийдсэн байртай хэлээд: «Би цуурганыг завсарлууллаа» гэв.
Оливетти ширүүн харсан хэвээр: «Бүү тэгээсэй гэмээр байна. Цаана нь бас хоёр цаг хорин минут байна шүү дээ» гэлээ.
«Бага хугацаа шүү дээ».
Оливетти нэлээн арцан: «Та юу хийх гээ вэ? Бүх кардиналыг хамгаалалтгүй нүүлгэн шилжүүлэх гээ юү?» гэв.
«Бурхан надад хайрласан чадлын хирээр би энэ шашныг аварч үлдэхийг л хичээж байна. Яаж хийх вэ гэдэгт минь сэтгэлээ чилээх хэрэггүй» гэлээ.
Оливетти адарч эхлэв. «Та юу ч хийх гэж байсан» гэснээ түр түгдэрээд: «Би таны хэлснийг буруушаах эрхгүй. Ялангуяа энэ сүмийг хамгаалах, аюулгүй байлгах үүргээ хөсөрдүүлсэн надад тийм эрх үгүй. Гэхдээ, би таныг хүлээгээч гэж гуйя. Хорьхон минут... арван цаг хүртэл. Ландон гуайн мэдээ зөв байх юм бол бидэнд алуурчныг барих боломж байсаар байна. Бидэнд горим, зохисоо сахих боломж байсаар байна».
«Зохис оо?» камерлинго хүйтэн хөхрөн: «Зохисоо бид алдаад удаж байна шүү дээ, захирагч гуай. Та дайн болж байгааг анзаарахгүй байгаа юм гэж үү?» гэв.
Нэг жард командын байрнаас гарч ирмэгцээ камерлингод хандав. «Эрхэм ээ, ВВС-ийн сурвалжлагч Гунтер Гликийг саатууллаа гэж илтгэж байна» гэлээ.
Камерлинго толгой дохиод: «Түүнийг зураглаач хүүхэнтэй нь хамт Систин цогчны гадаа байлгаж бай. Би уулзая» гэлээ.
Оливеттигийн нүд нь бүлтийгээд ирэв. «Та яах гэж байгаа юм бэ?»
«Хорин минут шүү, захирагч аа. Би танд үүнээс илүүг өгч чадахгүй» гээд камерлинго явж одов.
Оливетти Альфа Ромеогийнхоо суудалд суун, Ватикан хийдээс ямар ч илүү дутуу дагуулгүй шунгинан гарч одлоо. Арын суудалд, Витториа хаалганы хажуугийн хайрцгаас авсан боолтоороо Ландоны гарыг боож суув.
Оливетти урагш харсан хэвээр: «За Ландон гуай минь. Хаашаа явах билээ?» гэв.
Хэсэг 88

Оливеттигийн Альфа Ромео гэрэл дохиогоо гялалзуулан байсан ч гэсэн хуучин Ромын зүг гүүр гаран давхих түүнийг хэн ч анзаарахгүй байгаа мэт. Бүх машин түүний эсрэг зүг Ватикан руу хөвөрч, Ариун ширээтийн хийд гэнэт Ромын хамгийн сонирхолтой хэсэг болчихсон мэт байв.
Арын суудалд суугаа Ландоны толгойг олон бодол зовооно. Алуурчныг барьж амжих болов уу? Хэрэгтэй юмыг нь тэр хэлж өгч чадах болов уу? Эсвэл оройтчихоогүй байгаа даа? Камерлинго - Гэгээн Петерийн талбайд хурсан олонд та нар аюулд өртөөд байна гэж хэр өмнө нь хэлэх бол? Архивд болсон явдал үнэхээр алдаа байсан гэж үү?
Оливетти зүтгэсээр Санта Мариа дэлла Витториа сүм хүртэл Альфа Ромеогийнхоо тоормос дээр огт гишгэсэнгүй. Өөр үед сэн бол, Ландоны тохой цайрч байх байсан ч одоо бүр мэдээгүй болчихсон шиг л байлаа.
Толгой дээр гэрэл дохио гялалзах нь бид очиж явна шүү гэж хашхичих мэт санагдана. Гэхдээ, цаг хожихын тухайд үнэхээр гайхалтай байлаа. Дөхөж очингуутаа, Оливеттиг гэрэл дохиогоо унтраах болов уу гэж найдна.
Машин дотор сууж явахуй, Ландонд юмыг эргэцүүлэх зуурхан завшаан гарч байлаа. Тэр Паптныг хороосон тухай ярьсныг гэнэт саналаа. Нэг бодлын утгагүй мэт санагдавч, нөгөө бодлын харин ч бүр боломжийн ажээ. Хаашаа л бол хаашаа шургалдаг нь Иллюминатигийн ид чадал байсаар ирсэн: тэд тэндээ шургалж, үүрлэж, төлжиж, тэлж, улмаар уусгаж, шингээж орхидог байв. Папыг хороож чаддаггүй байсан гэвэл худлаа. Талийгаач Папын биед задлан хийхийг хориглодог байсан болохоор, Папын үхэлтэй холбоотой элдэв хов сэжгийн нэг нь ч саяхныг хүртэл батлагддаггүй байв. Эрдэмтдийн хүсэлтээр VIII Бонифачи (Сайн явдалт) нэрт залгамжлагч нь, сэнтийг нь булаахын тулд хороочихсон гэгддэг, V Сэлистин (Төвшин амгалант) Папын булшийг рентген туяагаар судлах хүсэлт тавьсан юм. Эрдэмтэд, ясны хэлтэрхий зэрэг хүч хэрэглэсэн ул мөр хайж байгаад, Папын гавал руу арван хуруу урт хадаас шаачихсан байсныг олж билээ.
Хэдэн жилийн өмнө, Иллюминати гэгдэгчээс хэд хэдэн мэдээ түүн рүү явуулж байсныг Ландон дурсав. Тэр худал цуурхал хэмээн санаад, Харвардын микрофишийн цомгийг шүүж үнэн эсэхийг нь шалгасан билээ. Гайхалтай нь, тэр мэдээ үнэн байв. Тэгээд, тэр мэдээг нэр хүндтэй хэвлэлүүд Иллюминатигийн хий цуурхалд хэрхэн автдагийн жишээ болгон, ангийнхаа самбарт хадаж орхисон билээ. Харин одоо, хэвлэлийн тэдгээр сэжиг цуурхал байгаагүй мэт санагдана. Ландон тэдгээр өгүүллийг санаандаа тодхон санаж байв...
Британийн өргөн нэвтрүүлгийн корпорац
1998 оны 7 дугаар сарын 14
I Жон Пол Пап 1978 онд Пи 2 гэдэг Масоны ложийн хорлолд өртөж, өөд болжээ... I Жон Пол Пап бээр Америкийн Арххамба Пол Марчинкусыг Ватиканы банкны захирлын албан тушаалаас зайлуулахаар шийдсэн нь Пи 2 гэх энэ нууц бүлгэм түүнийг хөнөөх шалтгаан болжээ. Энэ банк масоны ложийн луйврын мөнгийг хаацайлдаг байсан байна.
Нью Йорк таймс
1998 оны 8 дугаар сарын 24
Яагаад I Жон Пол гадуур хувцастайгаа орондоо хэвтэж байв? Яагаад тэр хувцас нь урагдсан байв? Энэ мэт асуулт хөвөрсөөр л байна. Түүнд эмнэлгийн ямар нэг шинжилгээ хийгээгүй байна. Нэг ч Папад задлан шинжилгээ хийж байгаагүй гэдэг үндэслэлээр Кардинал Виллот задлан хийхийг хоригложээ. Жон Полын нүдний шил, шаахай, гэрээслэл нь хэрэглэж байсан эмтэй нь хамт орных нь дэргэдээс хачирхалтай яа алга болжээ.
Лондоны Өдрийн Шуудан
1998 оны 8 сарын 27
... хүчирхэг, өршөөлгүй, хууль бус Масоны ложийн хорон гар Ватиканд нэвтэрлээ.
Витториагийн хармаанд байсан гар утас жингэнэж, Ландоны бодлыг арчиж орхив.
Өдийд хэн утастаж байдаг билээ хэмээн гайхан, Витториа утсаа авлаа. Хурц хахир хоолойгоор нь хэн утастаж байгааг Ландон мэдэж орхив. Энэ хоолойг сонссон хэн бүхэн хэдэн алхмын цаанаас ч төвөггүй таньж болох билээ.
«Витториа юу? Максимлиан Колэр байна. Антиматериа олоогүй л байна уу?»
«Макс? Чи зүгээр үү?»
«Би мэдээ үзлээ. СЭРН, антиматери хоёрын тухай юу ч ярьсангүй. Энэ ч сайн л хэрэг. Наагуур чинь юу болж байна вэ?»
«Бид канистераа олоогүй л байна. Байдал жаахан төвөгтэй, Роберт Ландон л нэлээн тусалж байна даа. Одоо бид кардиналуудыг хөнөөсөн хүний хойноос л хөөцөлдөж байна. Яг одоо бол ...» гэтэл дундуур нь Оливетти тасалж: «Ветра авхай, та дэндүү их юм яриад өгчихлөө» гэв.
Бүсгүй их л дурамжхан гар утсаа буулгаад: «Захирагч аа. Энэ хүн бол СЭРН-ийн захирал. Тэр юу болж байгааг мэдэх ёстой шүү дээ».
«Тэр энд л энэ асуудалтай зууралдах эрхтэй, гэтэл, та гар утасны нээлттэй шугамаар яриад байна. Та бүр зөндөө их бурчихлаа.»
Витториа шүүрс алдан утсаа өргөж: «Макс, байна уу» гэв.
«Надад чамд хэлэх юм байна л даа» гэснээ Макс: «Аавын чинь тухай юм... Аав чинь антиматерийн тухай хэнд ярьсныг би олж мэдлээ» гэв.
Витториа барайгаад явчхав. «Макс, аав хэнд ч л хэлээгүй гэж надад ярьж байсан юм шүү».
«Хэлсэн байх вий гэж эмээж байна шүү. Би аюулгүйн албанаас зарим нэг юм тодруулчхаад, эргээд яръя» гэснээ Макс утсаа тавилаа.
Витториагийн царай барайсан хэвээр, гар утсаа хармаандаа хийлээ.
«Чи зүгээр үү» гэж Ландон асуув.
Бүсгүй мишвэлзэн толгой дохисон боловч хуруу нь чичгэнэнэ. Зүгээр ч биш байлаа.
Оливетти: «Сүм Пиаца Барберинигийн тэнд байгаа» гэж хэлээд, дуут дохиогоо унтраан цагаа харав. «Есөн минут л байна шүү».
Ландон эхний тэмдгийг шууд олж харсан боловч сүмийн хонх нэлээн хол царгилах сонсогдов. Пиаца Барбени. Их л сонссон нэр санагдавч, яг юу билээ гэдгийг нь ололгүй, бодлыг зовоосоор ... гэнэт саналаа. Энэ талбайн хажууд, метроны буудал барихтай холбоотой нэлээн шуугиан болсон билээ. Хорин жилийн өмнө, тэр хавьд метроны буудал барьж, талбайн доогуур ухах болж, урлагийн түүхчид, тэгж ухвал талбайн голд байгаа гэрэлт хөшөө нурна гэж эсэргүүцэж байжээ. Хот байгуулалтын мэргэжилтнүүд аргаа барж, сүүлдээ тэр гэрэлт хөшөөг нүүлгэн, оронд нь Тритон гэх усан оргилуур барьж өгчээ.
Тэгэхээр Бернинигийн үед энэ талбай дээр гэрэлт хөшөө байсан хэрэг гэж Ландон олзуурхан бодов. Одоо харин гурав дахь тэмдэг алга болчхоогүй байгаа даа л гэж Ландон эмээж байлаа.
Талбайгаас нэг гудамжны наана, Оливетти машинаа хажуу гудам руу нь эргүүлж зогсоолоо. Тэгээд хүрмээ товчилж, захыг нь босгоод, буугаа цэнэглэв.
«Та хоёр зурагтаар гарчихсан болохоор хүмүүс таньчихаж магадгүй. Тэгэхээр, сэмхэн шиг урд гол хаалгыг нь ажиглахаар талбайн нөгөө талд гар. Би ар талаас оръё» гэлээ. Нэг буу гаргаж Ландон өгөөд: «Юмыг яаж мэдэх вэ» гэв.
Ландон өнөөдөртөө хоёр дахь удаагаа буу барьж байгаа нь энэ. Буугаа энгэрийнхээ хармаанд хийхдээ, нөгөө Диаграм-ынхаа хуудсан дээр нь хийчихсэнээ гэнэт санав. Орхиод гарахгүй яав даа гэж бодлоо. Үнэлж баршгүй номынх нь хуудас, ингээд хэн нэг хүний хармаанд жуулчинд зориулсан Ром хотын зураг шиг явж байгааг мэдвэл, Ватиканы номын санч гуай галзуурах байх даа. Архиваас гарахдаа шилэн ханыг хагалж, ном бичгийг нь талаар нэг цацаж орхисноо санавал голоор нь могой гүйх шиг эвгүй болов. Гэхдээ, архив маань өөрөө энэ шөнө дэлбэрч цацагдчихгүй бол ч...
Оливетти машинаасаа гараад, нарийн гудамж руу зааж: «Талбай тэр зүгт бий. Нүдээ онгойлгоод, хүн амьтанд харагдчихгүй шиг яваарай даа» гэв. Тэгээд, гар утсаа бүсэндээ бэхэлсэн гэрэнд нь хийгээд: «Ветра авхай. Хоёулаа утсаа автоматаар дууддаг дээр нь тохируулъя» гэлээ.
Витториа утсаа гаргаж ирээд, Пантеоны дэргэд очихдоо тохиргоо хийсэн товч дээр дарж, Оливетти руу залгахад, бүсэнд нь байсан утас чимээгүйхэн чичирхийлэв.
«Болж байна. Ямар нэг юм харвал надад мэдэгдээрэй» гээд буун дээрээ зөөлөн цохилон: «Би дотор хүлээж байя. Тэгээд, тэр муу тэрсүүдийг ч цусыг нь холиод өгнө дөө» гэлээ.
Яг тэр үед, тэднээс тун холгүй өөр нэгэн гар утас дуугарч байлаа.
Хассассин: «Байна уу» гэв.
«Би Янус байна» гэлээ.
Хассассин инээмсэглэн: «Эзэн минь, та сайн л биз дээ» гэв.
«Хаана байгааг чинь мэдчихээд, зарим хүн чам руу хөдөлж байгаа шүү».
«Тэгвэл тэд арай л оройтчихож дээ. Би энд аль хэдийн амжуулчхаад байж байна».
«Сайн л байна. Наанаасаа мэнд л зайлаарай даа. Хийх ажил дуусаагүй л байна шүү».
«Миний өмнө хөндөлдсөн бүхэн хүүр болдог юм».
«Чиний өмнө хөндөлдсөн хүн ч их юм мэддэг бололтой билээ шүү».
«Та тэр Америк залууг хэлээд байна уу?»
«Чи түүнийг мэддэг юм уу?»
Хассассин хөхрөн: «Ухаантай мөртөө гэнэн юм билээ. Надтай утсаар яриад байсан шүү дээ. Хажууд нь байгаа хүүхэн харин яг эсрэгээрээ.» Леонардо Ветрагийн охины тухай ярихад, хуял тачаал нь сэрнэ.
Утасны цаана хэсэг чимээгүй болоход, хассассин анх удаа эзэн нь тээнэглэзэнгүй байдалд орохыг мэдрэв. Эцэст нь: «Хэрэгтэй бол тэр хоёрыг нухчихна биз дээ» гэлээ.
Алуурчин инээвхийлэн: «Тэгчихье» гэв. Бүх биеэр нь янагийн нялуун мэдрэмж жирсхийн гүйж: «Хүүхнийг харин би алчуур болгоод авчихъя» гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 10:10 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Үйл явдал ч ёстой галзуу хурдан өрнөж байнашүү


Top
   
PostPosted: Apr.17.15 10:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 89

Гэгээн Петерийн талбайд дайн болж байгаа юм шиг л байв.
Энд тэндгүй шуугилдан, үймэлдэнэ. Тэмдэгт өндөрлөгийг эзэлж байгаа хуягт шиг хэвлэлийнхний машин талбай руу зүтгэж, буу барьсан цэрэг шиг сэтгүүлчид камер, микрофоноо барин давшилна. Талбайг хүрээлэн хэвлэлийн тулааны хамгийн сүүлийн үеийн шилдэг зэвсэг - хавтгай дэлгэцээ байрлуулах гэж үймэлдэнэ.
Хавтгай дэлгэц гэж ачааны машин юм уу, эвхдэг шат дамнуулан тавьчихдаг баймгай том зурагт ажээ. Байшингийн дээвэр дээр байрлуулдаг зарлал, рекламын том зурагт шиг телевизийнхээ нэвтрүүлэг, компанийнхаа логог байнга цацна. Хэрэв дэлгэцээ зөв байрлуулж чадвал, үйл явдлыг сурвалжилж байгаа бусад телевиз тэр дэлгэцийг нь харуулахгүйгээр зураг авах боломжгүй болохоор ашигтай байдаг ажээ.
Талбайд зөвхөн хэвлэлийнхэн ирээд зогссонгүй, цочирдсон олон бас цуглаж байлаа. Тал бүрээс гайхаж, сонирхсон хүмүүс бөөн бөөнөөрөө ирнэ. Ердийн үед чөлөөтэй байдаг тэр талбайн ямх зай болгонд хүн бүчин зогсжээ. Болж байгаа үйл явдлыг дор бүр нь мэдээлж байгаа том том зурагтуудад наалдах шахуу зогсон, мэдээ бүрийг сэтгэл дэнслэн сонсоно.
Талбайгаас зуухан алхмын цаана Гэгээн Петерийн ордны зузаан хэрмэн дотор байдал бүр ч ноцтой байлаа. Шартрон дэслэгч, гурван харуултайгаа харанхуйд хөлхөнө. Харанхуйд хардаг хэт туяаны шил зүүсэн тэд урдаа металл илрүүлэгч бариад, хоёр тийш ширвэн ширвэн алхана. Ватиканы нийтэд нээлттэй хэсгийг самнаж үзэхэд, одоохондоо л лав юу ч илэрсэнгүй.
«Шилээ авсан нь дээр юм шиг байна» гэж нэг гавуу хэллээ. Шартрон аль хэдийн хэт туяаны шилээ тайлж байв. Тэд Паллиум хонхор буюу ордны яг төв дунд зогсоно. Ерэн есөн зулын гэрэлд хэт туяаны шил гялбаж байв.
Шартрон нүсэр шилээ авч, санаа амран, хүзүүгээ шилгээн, чилээгээ гаргалаа. Тэгээд, нөхдийн хамт шатаар аажуухан доошлов. Доор байгаа алтан зүмбэрт танхим шаргалтан гялалзана. Тэр өмнө нь ийшээ ирж үзээгүй ажээ.

Шартрон Ватиканд ирснээсээ хойш ямар нэг муу юм болох тоолон, эндхийн гайхалтай сонин нэг зүйлийг өөртөө нээдэг байлаа. Энд байгаа олон зулыг анх удаа л харж байгаа нь энэ ажгуу. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг ерэн есөн зул энд ямагт асч байдаг уламжлалтай ажээ. Эндхийг хариуцсан нэгэн аль нэгийг нь унтраачихгүй байхын тулд хянамгай нь аргагүй нэг нэгээр нь ариун тос нэмж, харгалзан суудаг байв.
Дандаа биш гэхэд шөнө дунд хүртэл л лав харгалздаг байх даа гэж Шартрон бодлоо.
Шартрон металл илрүүлэгчээ зулын дээгүүр нэг ширвэчхээд, цаашаа явав. Юу ч илэрсэнгүй, илрээгүйд нь ч гайхсангүй. Учир нь дэлгэц дээр канистер харанхуйд байсан билээ.
Цааш явсаар, том хар нүхийг хаасан нүсэр хаалтын дэргэд ирэв. Нүхэнд эгц доошоо буусан давчуу чулуун шат байх ажээ. Энэ нүхний тухай олон домог бий. Гэхдээ, тэд доошоо буусангүй. Рошер занги зөвхөн нийтэд нээлттэй хэсгийг л шалга, цагаан бүсийг орхи гэж тов тодорхой тушаажээ.
«Энэ юун үнэр вэ?» хэмээн, нүхний амсраас эргэхдээ асуулаа. Нүхнээс хортой гэмээргүй анхилуун үнэр гарч байв.
«Зулын тос байх» гэж нэг нь хариулав.
Шартрон гайхан: «Керосин гэхээсээ үнэртэй ус гэмээр юм».
«Керосин биш ээ. Энэ зул Папын тахилын ширээний дэргэд байдаг болохоор этанол, чихэр, парфюм, бутаны тусгай холимог хийдэг юм».
«Бутан аа?»
Харуул толгой дохин: «Тийм. Асгах юм бол ч баларна шүү. Тэнгэр шиг анхилам үнэртэж байгаа ч там шиг галзуу шатна шүү» гэлээ.
Харуулууд Паллиумын хонхрыг шалгаж дуусаад гар холбоо тасардаг өөр нэг хэсэг рүү алхаж явтал, гар холбоо хяхтнан аслаа.
Тэд холбоогоор дамжуулсныг сонсоод, цочин хэлмэв.
Камерлинго уламжлалыг зөрчиж, цуурганыг таслан, кардиналууд руу очих гэж байгаа тухай сонсжээ. Ийм юм түүхэнд байгаагүй. Түүнээс гадна, Ватикан хэзээ ч өмнө нь шинэ төрлийн цөмийн цэнэгт бөмбөг дээр сууж байсангүй билээ.
Гэхдээ, асуудлыг камерлинго биеэрээ шийдэж байгааг сонсоод, Шартрон жаахан тайвширлаа. Түүний хувьд, камерлинго Ватикан хийдийн дотор хамгийн их хүндэлж явдаг хүн байлаа. Камерлингог зарим нь бурханд өгсөн хайр нь өөрийг нь үгүй хийчих шахсан шашны гэнэн мухар сүсэгтэн гэж шоолдог байсан ч бурхны дайснуудтай учрахын цагт хамгийн хатуу тулалдах хүн бол энэ гэдгийг зөвшөөрдөг билээ.
Швейцар жардууд камерлинго цуурганд бэлдэн явахыг энэ долоо хоногт олонтаа харсан бөгөөд тэд түүнийг жаахан цухалдангуй, зөөлөн харц нь нэлээн шаардангуй болсон тухай ярилцаж байлаа. Зөвхөн цуурганд бэлдээд зогсохгүй, багш нь байсан Папыг алдсаныхаа дараа ийм чухал ажлыг тийм яаруу хийх хэрэгтэй болсон гэдгийг ч тэд бас шивнэлдэж байв.
Шартрон Ватиканд ирээд удаагүй байхдаа, камерлингогийн нүдэн дээр ээж нь бөмбөгөнд тэсэрч үрэгдсэнийг сонссон билээ. Сүмд бөмбөг тэсэлдэг... одоо бүр газар сайгүй тэсэлж эхлэх нь дээ. Засгийн газрынхан бөмбөг тэсэлсэн этгээдийг олоогүй, христийн эсрэг этгээдүүд л байх гэсхийгээд, чимээгүй өнгөрөөсөн билээ. Тиймээс, камерлинго амьдралын гашууныг амссан гэдэг нь тов тодорхой.
Хоёрхон сарын өмнө, нэг сайхан орой Шартрон Ватиканы цэцэрлэгт явж байгаад, камерлинготой санамсаргүй мөргөлдөж орхисон билээ. Камерлинго түүнийг шинэ харуулуудын нэг гэдгийг төвөггүй таньж, хамт жаахан алхъя гэж билээ. Тэр хоёр онц зүйл яриагүй боловч камерлинго Шартронд гүн дотно сэтгэгдэл үлдээжээ.
Шартрон: «Эцэг минь, та болгоож өршөөвөл танаас болчимгүй юм асууж болох уу?» гэвэл,
Камерлинго инээмсэглэн: «Танд би бас болчимгүй хариулт өгч магадгүй л юм даа» гэжээ.
Шартрон цайлган гэгч хөхрөөд: «Би тааралдсан бүх гэлэнгээс асуудаг ч гэсэн одоо болтол ухаарахгүй яваа юм» гэлээ.
«Чамайг тэгээд ямар гэгч асуулт зовоогоод байгаа хэрэг вэ?» гэж камерлинго нарийн жимээр хар дээлийнхээ хормойг намируулан, жавхалзтал алхангаа асуув. Хар арьсан гутал нь гялс гялсхийн газар товчлох бөгөөд орчин үеийн атлаа эгэл, эрэлхэг атлаа даруу эзнийхээ чанарыг илтгэх шиг санагдана.
Шартрон гүнзгий шүүрс алдан: «Би тэр бүхнийг чадагч, нигүүлсэнгүй сэтгэлт гэдгийг л ухаарахгүй яваа хүн л дээ» гэв.
Камерлинго инээвхийлээд: «Чи Бичвэрийг уншсан биз дээ?»
«Хичээсэн».
«Тэгээд чи бүхнийг чадах, нигүүлсэнгүй сэтгэл хоёр хэрхэн нэгэн биед цогцолсныг ойлгохгүй байгаа юм биз дээ?»
«Яг тийм».
«Бүхнийг чадагч, нигүүлсэнгүй сэтгэлт гэдэг бол бурхан бүхнээс хүчтэй атлаа нэн энэрэнгүй гэсэн үг шүү дээ».
«Гадарлаж л байна л даа. Гэхдээ энэ хоёр чинь ... зөрчилдөөд байгаа юм шиг ээ».
«Тийм шүү. Зөрчилдөөд байгаа. Хүний зовлон, дайн, өвчин гээд л...»
«Харин тийм» гэж Шартрон тосч аваад камерлингод асуултаа тайлбарлах гэж оролдон: «Энэ орчлонд аймшигтай зүйл их л болох юм. Хүний зовлонг харвал, бурхан бүхнээс хүчтэй атлаа нэн энэрэнгүй хоёрыг зэрэг цогцлоох аргагүй юм шиг? Хэрэв бурхан бидэнд хайртай байсан бол, тэгээд энэ зовлонг өөрчлөх чадалтай байсан бол биднийг энэ зовлонгоос гэтэлгэж дөнгөх байсан биш үү?»
Камерлинго хөмсгөө зангидан: «Тэгэх байсан гэж үү?»
Шартрон хэлмэж орхив. Би дэндүү эрээ цээргүй аашлаагүй байгаа? Асуух ёсгүй асуучихсан болов уу? «Хэрэв бурхан бидэнд хайртай, биднийг хамгаалдаг байсан бол тэгэх л байх байсан байх даа. Тэгэхээр, нэг бол тэр бүхнийг чадагч, гэхдээ тоомжиргүй: эсвэл нигүүлсэнгүй, гэхдээ туслах чадалгүй болж таарч байгаа биш үү?»
«Та хүүхэдтэй юү, дэслэгч ээ?»
Шартрон гайхасхийн: «Үгүй ээ, эрхэм ээ».
«Та найман настай хүүтэй байжээ гэж бодъё. Та хүүдээ хайртай байх байсан уу?»
«Мэдээж шүү дээ».
«Түүнийг зовоохгүй байхын тулд та чадах бүхнээ хийх байсан уу?»
«Тэгэлгүй яах вэ?»
«Та түүнд ролик авч өгөх байсан уу?»
Шартрон эргэцэв. Камерлинго дандаа л түүнд хачирхалтай цэцэн санагддаг байв. «Тэгэх л байсан байх даа» гэж Шартрон хэлээд: «Тэгнэ ээ, тэгнэ. Ролик авч өгөлгүй яах вэ, гэхдээ болгоомжтой байгаарай гэж захих байсан».
«Та тэгээд эцгийн хувьд түүнд үндсэн хэдэн сайн зөвлөгөө өгөөд явуулж, алдаагаа өөрөө хийж, өөрөө түүнээсээ сураг гээд явуулах байсан уу?»
«Би ард нь гүйж, үглэж яншихгүй л байсан даа. Та энэ тухай л асуугаад байна уу?»
«Гэхдээ хүү чинь унаад, өвдгөө шалбалчихвал яах вэ?»
«Дараа жаахан болгоомжтой явах биз л гэж бодно доо».
Камерлинго инээвхийлэн: «Тэгэхээр, та хүүгээ өвтгөхгүй байлгаж болох чадалтай атлаа хүүгээ хайрласандаа алдаан дээрээ сураасай гэж бодно гэсэн үг үү?»
«Тийм шүү. Өсч том болохдоо, өвдөлтийг мэдрэх л ёстой шүү дээ. Тэгж л байж бид сурдаг шүү дээ».
Камерлинго толгой дохин: «Харин тийм л байхгүй юу даа» гэв.
Хэсэг 90

Ландон, Витториа хоёр Пиаца Барберинигийн баруун талд байх жижиг гудамжны сүүдрээс ажиглаж байв. Талбайн цаана, бүрэнхийн дунд, сүмийн байшингийн дээрх цомбон орой ёрдойх мэт сүүмийнэ. Шөнө болмогц, өдрийн халуун арилаад байхад, яагаад талбай дээр нэг ч хүн байхгүй байгааг Ландон гайхсан боловч дээр нь онгорхой цонхоор хашхичих зурагтын дууг сонсвол, бүх хүн хаа одсоныг төвөггүй мэдэж болох байв.
«...Ватиканаас одоо болтол тайлбар өгөөгүй байна ... хоёр кардиналыг хорсолтой ёо хөнөөжээ ... Ромд сатаан шүгэлсэн нийгэмлэг... илүү гүнзгий нэвтэрсэн байж ч магадгүй ...»
Нерогийн тавьсан гал* л энэ мэдээ шиг түргэн тархаж байсан байх даа. Бүх дэлхий Ром хотыг цөхрөн харж байлаа. Энэ болж байгаа бүхнийг зогсоож чадах болов уу гэж Ландон бодолхийлэв. Сүм рүү хяламхийн хүлээн зуураа, Ландон талбайг ажвал хэдэн захаас нь сүүлийн үеийн байшингууд шавж эхэлсэн боловч зууван хэвээрээ байгааг харж гайхлаа. Хажуугийн тансаг зочид буудлын орой тэртээ дээр том гэгч неон гэрэл цацран байхыг Виториа хараад, Ландонд дохиж заав. Гайхалтай тохиол гэдэг энэ л байх.
Бернини Зочид буудал
«Аравт тав дутуу байна» гэж Витториа хэлээд мууран нүдээрээ талбайг нэгэнтээ ширвэв. Төд удалгүй бүсгүй Ландоны гарыг татаж, сүүдэр рүү оруулаад, талбайн төв рүү дохилоо.
Ландон бүсгүйн ширтээ зүг хараад, загзасхийв.
Тэдний өмнө, гудамжны гэрэлд, хоёр том хар дүрс бүртэлзэнэ. Хоёулаа нэвсгэр хувцас өмсч, хувцасныхаа юүдэнгээр нүүрээ хаажээ.
Энэ бол католик бэлэвсэн эхнэрүүдийн уламжлалт хувцас билээ. Тэгэхээр, эмэгтэй хүн болов уу гэж харагдсан ч харанхуйд тодорхой мэдэгдсэнгүй. Нэг нь арай настай, өвчтэй болов уу гэлтэй хазганах агаад залуухан, хүчтэй нөгөө нь түүндээ тусалсан янзтай.
«Буугаа өгөөдөх» гэж Витториа хэлэв.
«Болохгүй шүү дээ».
Хэлж дуусаагүй байхад нь, Витториа шуртхийн хармаанд нь байсан бууг авчихлаа. Тэгээд, бүсгүй тэр хоёрыг араар нь тойрох санаатай, сүүдэрт зүүн талаас нь сэмхэн гэтэв. Чимээ огт гаргалгүй, агаарт хөвж байгаа юм шиг алхана. Ландон түүнийг хараад, ****** гадас шиг гацчихав. Хормын дараа амандаа хараал үглэсээр, хойноос хөдөллөө.
Нөгөө хоёр их л удаан майрганана. Ердөө хагас минутын дотор Ландон, Витториа хоёр яг хойно нь гарчхаад, араас нь дөхөж явлаа. Витториа элгээ эвхэн буугаа нуужээ. Харахад гэмгүй мэт боловч хэрэгтэй бол хормын зуур буудахад бэлэн зэхжээ. Бүсгүй нөгөө хоёр руу хөвөх мэт хурдан ойртож, араас Ландон гүйцэх санаатай алхаж явахдаа, хазгай гишгэж чулуу үсэргээдэхлээ. Витториа түүн рүү муухай гэгч хялайв. Аз болж, нөгөө хоёр сонссонгүй, хоорондоо ярилцаж явлаа.
Гучаад тохой зайнаас, Ландон тэдний яриаг дуулж эхлэв. Гэхдээ, нэг ч үг тогтоож сонссонгүй, зүгээр л шулганалдах ажээ. Хажууд нь Витториа улам л хурдан алхах агаад элгээ эвхсэн гар нь жаахан суларч, буу нь цухуйчихсан явж байлаа. Хорин тохой дөхөв. Нэгнийх нь дуу их л цээл агаад нөгөө нь чанга, ууртай, хар ярхийнэ. Настай хүүхний хоолой шиг сонсогдов. Юу вэ? Манин хүн юм болов уу? Яг юу хэлж байгааг нь сонсох санаатай чих тавьтал, өөр нэг эмэгтэйн чанга яриа саад боллоо.
«Mi scusi! (Уучлаарай. Ита.)» гэж Витториа найрсгаар хэлсэн ч час хийсэн чанга сонсогдов.
Тэр хоёр нэвсгэр хүн гэнэт зогсоод, эргэж харах зуур, Ландоны зүрх зогсчих шиг боллоо. Харин Витториа тэр хоёр руу шууд чиглээд, улам хурдан алхана. Тэр хоёр яаж ч амжхааргүй байлаа. Ландоны хөл хөшчихөв. Витториа элгэндээ эвхсэн гараа сул тавьж, буугаа урагш сунгах шиг санагдав. Тэгтэл удалгүй нөгөө хоёр хүний нүүр гудамжны дэнд тодорч, бүсгүйн мөрөн дээгүүр харагдлаа. «Ээ, юу болох нь вэ» гэсэн бодол гэнэт зурсхийн: «Витториа, битгий» гэж хашхиран хойноос нь гүйлээ.
Витториа ч хормын төдийд байдлыг ухаарч, гараа ердийнхөөрөө хаялан яваа юм шиг нэгэнтээ алхалснаа, харанхуй шөнө даарч бэгцийсэн мэт сугаа хавчин гараа урдаа зөрүүлэхдээ, буугаа нууж амжив. Ландон гүйцэж ирэхдээ, нөгөө хоёртой золтой л мөргөлдчихсөнгүй.
«Вuona sera (Үдшийн мэнд. ита)» гэж Витториа бувтнахад, дуу нь их л зөөлөрчээ.
Ландоны санаа уужран, урт амьсгаа авав. Уламжлалт нэвсгэр хувцас өмссөн хоёр настай авгай өмнө нь зогсоно. Нэг нь хөл дээрээ тогтож чадахгүй шахуу хөгшин хүн, арай танагтай нь түүндээ тусалж байжээ. Хоёулаа хүзүүгээрээ эрхи зүүжээ. Тэр хоёр юун хүмүүс гэнэт гараад ирэв хэмээн балмагдсан янзтай байлаа.
Витториа бээрсэн мэт зогсоод, мишилзэн: « Dov’e la chiesa Santa Maria della Vittoria? Санта Мариа дэлла Витториа сүм хаана байдаг вэ? »
Хоёр хөгшин гарч ирсэн байшингийнхаа зүг зэрэг шахуу заан: «Е la (тэр байна. ита)» гэв.
«Grazie (Баярлалаа. ита)» гэж Ландон хэлээд, гараа Витториагийн мөрөн дээр зөөлөн тавьж, арагш нь эелдгээр татав. Зүв зүгээр явсан хоёр гэмгүй авгайг буудах шахсандаа халширч байв.
«Non si puo entrare (Одоо орж болохгүй. ита)» гэж нэг авгай нь хэлээд: «Е chiusa temrano (Эрт хаачихсан. ита)» гэлээ.
«Эрт хаачихсан гэнэ ээ» гэж Витториа дуу алдаад: «Perche (Яагаад. ита)?» гэж асуув.
Хоёр авгай хоёулаа зэрэг тайлбарлаж гарлаа. Уур унтуугаа гаргах боломж гарлаа гэсэн шиг л бурж өглөө. Ландон итали хэлэндээ сайн биш ч гэсэн заримыг нь ойлгочихлоо. Арван тавхан минутын өмнө тэр хоёр хөгшин сүм дотор Ватиканыг авран хамгаалахыг бурхнаас гуйн мөргөж байсанд нэг хүн гарч ирээд, өнөөдөр сүм эрт хааж байгаа гээд тэр хоёрыг гаргажээ.
«Hanno conosciuto i'uomo?» гэж Витториа их л шаргуу шалгаав. «Тэр таньдаг хүн чинь байсан уу?»

Хоёр авгай толгой сэгсрэв. Тэр хүн straniero crudo (хэтэрхий бүдүүлэг. ита), тэнд байсан бүх хүнийг бараг л хүчээр хөөсөн ажээ. Цэвэрлэгч, залуу мөргөлчид цагдаа дуудна шүү гэсэн боловч, тэр инээгээд, цагдаа дуудахдаа, камертай ир гээрэй гэж тохуурхаж байжээ.
Камертай ир гэнэ ээ гэж Ландон амаа ангайн асуув.
Хоёр хөгшин ууртай яа мөрөө хавчин, нөгөө залууг «bar-arabo» хэмээн зүхэв. Тэгээд, цаашаа эргээд, явж одов.
«Bar-arabo гэж юу гэсэн үг вэ» гэсэн байртай Ландон Витториа руу харвал «Зэрлэг гэж байгаа юм» гэлээ.
Тэгснээ: «Үгүй ээ. Bar-arabo гэдэг чинь Араб гэдгийн доромж нэр шүү дээ. Тэгэхээр, араб байх нь» гэлээ.
Ландоны нуруу арзасхийн сүм рүү харахад, сүмийн өнгөт шилэн хээтэй цонх цаанаасаа туяарч байв. Бие нь хөшиж орхилоо.
Витториа түүнийг анзааралгүй гар утсаа гарган, автомат товчоо даран: «Оливеттид хэлэх хэрэгтэй» хэмээн үглэнэ.
Ландон дуугүй л бүсгүйн гарт хүрч, салганасан гараараа сүм рүү заалаа.
Витториа сая л анзаарав.
Чөтгөр нүдээ анивчин, дооглох шиг галын дөл цонхны цаанаас өрвөлзөж байлаа.


* Эртний Ромын хаан Неро- Ром хотын төвд, ордон барих гэсэнд, хотын төвд газар олдохгүй байжээ. Тэгэхээр нь, нэг шөнө сэм гал тавьж, Ромын төвийг бүхэлд нь түймэрдээд, нурмыг нь зайлуулж ордноо барьсан гэдэг домог бий. Үүнээс болоод Нерогийн түймэр гэдэг нь хорон санаатны тэвчишгүй үйлдлийг нэрлэдэг зүйр үг болжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.17.15 11:11 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
нэг кардинал л үлдлээдээ үнэхээр салахын аргагүй сониорхолтой ном байнашүү


Top
   
PostPosted: Apr.18.15 12:23 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Apr.08.14 11:12 am
Posts: 102
Уйгагүй занд чинь баярлалаа Someone. амжилт хүсье


Top
   
PostPosted: Apr.18.15 1:07 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
Ватиканд шургалсан нь Рошер юм уу Оливетти байж магадгүй, жирийн доод тушаалтан биш нилээд том албатай хүн байх, бас СЭРН-ний захирлын яриаг уг нь дуустал сонссон бол асуудал тодорхой болох байлаа.... маш сонирхолтой юмаа, овоо олон бүлэг оруулчиж, someoneдаа талархаад барахгүй нь,


Top
   
PostPosted: Apr.18.15 1:20 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
:wd:
Томоо том... :wink:


Top
   
PostPosted: Apr.18.15 2:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6323
Location: Энд
Камерлинго юм биш биз дээ Ватиканд шургалсан чинь. Гэхдээ мөн бсан бол папын цогцсыг шалгамааргүй юм :??:


Хөөрхий 3н пап цаашаа харав аа гэж. Юу л болоод юу л болох гээд бна даа. Бас тэр СЭРН-д бгаа холбоотой хүн хэн бээ. Хаалга онгойлгож өгсөн, аав нь нууцаа хэлсэн гэхээр. Тэр зурагтын мэдээ үзээд дуу шуугүй сууж бгаа хамгийн удсан хүмүүс дунд бна уу? Үнэхээр толгой эргээд учрыг нь олохгүй нээ.

Маш их баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.18.15 9:35 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
харин тиймээ аль дээрээс хойш л би олливетийг шижиглээд байгаан нэг л но-той


Top
   
PostPosted: Apr.18.15 10:35 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Kinog ni uzeegui humuus goyo ataarhmaar yumaa. Er ni kinotoi nomnii nomiig l ehelj unshval zugeer yumaa. Za tgd duustal ni uursduu unshaad uchriig ni olbol iluu sonirholtoi bh. Chimeegui l baiya.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.18.15 10:37 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
хэхэ харин тиймээ ямар азаар киног нь үзээгүй юм байгаан баярлаа л сууж байна


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 285 posts ]  Go to page Previous 13 4 5 6 711 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited