#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.27.17 5:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next
Author Message
PostPosted: Apr.20.15 2:23 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Уул шугамандаа Витториа эхнийх нь юм байгаам. Софи чинь удаах нь байхгүй юу ... :hihi:. Да Винчийн код дээр хальт дурсаад өнгөрдөг дөө. "...дурлалт бүсгүй Витториагаа хамгийн сүүлд жил гаруйн өмнө Ромын нисэх онгоцны буудал дээр үнссэн ..." тухай хоёр, гуравхан өгүүлбэрийг санаж байна уу? :wink:.

Киног нь хийхдээ "Да Винчийн код"-ыг эхэлж хийгээд "Angels & Demons"-г дараа нь хийсэн болохоор номыг нь уншаагүй хүмүүс төөрөлдөөд байх шиг байгаа юм. Цуврал нь:
1- Angels & Demons
2- The Da Vinci Code
3- The Lost Symbol
4- Infern
o гэсэн дараалалтай шүү дээ.

:wd:


Top
   
PostPosted: Apr.20.15 9:22 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Тийм байхаа даанч харин гайхаад байсан юм аа. Да Винчи кодын киног нь л үзсэн.
Баггиа кардиналыг амьд үлдчих болуу гэж горьдож байсан юмсан. Ватикан сөнөхгүй байлаа гэхэд хэн дараагийн Пап болох нь сонин байна шүү. Тэр Иллюминатигийн шургалагч нь хэн юм болоо. Бүр тэсэмгүй санагдаад байх юм аа. Спойл ярилцаж байгаа сэдэв нь хаана билээ???

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.20.15 9:39 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Dec.14.03 5:05 pm
Posts: 290
Location: Алс хязгаарт
Өрөөндөө үлддэг хэргийн эзэн байхаа


Top
   
PostPosted: Apr.20.15 9:46 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Bookcracker wrote:
Уул шугамандаа Витториа эхнийх нь юм байгаам. Софи чинь удаах нь байхгүй юу ... :hihi:. Да Винчийн код дээр хальт дурсаад өнгөрдөг дөө. "...дурлалт бүсгүй Витториагаа хамгийн сүүлд жил гаруйн өмнө Ромын нисэх онгоцны буудал дээр үнссэн ..." тухай хоёр, гуравхан өгүүлбэрийг санаж байна уу? :wink:.

Киног нь хийхдээ "Да Винчийн код"-ыг эхэлж хийгээд "Angels & Demons"-г дараа нь хийсэн болохоор номыг нь уншаагүй хүмүүс төөрөлдөөд байх шиг байгаа юм. Цуврал нь:
1- Angels & Demons
2- The Da Vinci Code
3- The Lost Symbol
4- Infern
o гэсэн дараалалтай шүү дээ.

:wd:

Nom ni oldku bolohoor ehleed Da Vinci code oruulsiin. Kino ni bas ih sonin daraalaltai garnaa
1. The Da Vinci Code
2. Angels & Demons
3. Inferno
4. The Lost symbol

Ene orchuulagch arai l denduu yaaruu orchuulsiimuu, esvel meddeg mongol hel ni arai ondoo yum shig bgaan. Da Vinci code-iih arai deer bsiishd

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 10:34 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Хэсэг 107

Ландон гадна хэрмийн ханан дээгүүр прожекторын гэрэлд гүйж явлаа. Тэгж гүйж явахад нь ханан доор нь музейн үзмэр гэлтэй катапульт, гантиг чулуун бөөрөнхий сум, өөр янз бүрийн оньсон төхөөрөмж овоорон хэвтэнэ. Хэрмийн зарим хэсгийг сэргээн засварлаад, жуулчдад сонирхуулдаг ажээ.
Ландон гадна хэрмээс төв цайз руу харлаа. Тойрог хэлбэртэй цайз илд барьсан хүрэл ангель хүртлээ 107 тохой орчим өндөр ажээ.Тагттай өрөө дотроосоо гэрэлтсэн хэвээр. Ландон тийшээ хашхирмаар санагдсан ч тийшээ очих өөр зам хайсан нь дээр байлаа.
Цагаа харвал 11:12 болж байна.
Хэрмийн дотогшоогоо нурсан чулуун нуранги дамжин доошоо буулаа. Тэгээд, хэрмийн хананы сүүдэр даган нар зөв тойрон гүйлээ. Гурван жижиг хаалга тааралдсан боловч бүгдийг нь бүр мөсөн хаачихжээ. Хассассин яаж дотогшоо ордог юм бол? Түлхэж үзээд л цааш явна. Шинэ зассан хоёр хаалга олсон ч гадна талаас нь түгжсэн байлаа. Үүгээр л лав ордоггүй бололтой. Цаашаагаа бөгтөлзөн гүйнэ.
Ландон бараг л хэрмийг бүхэлд нь тойрчих шахлаа. Гэнэт өмнө нь хайрган зам гарч ирлээ. Нэг үзүүр нь гадна хэрмийн хана руу, гүүр татсан дааман хаалга руу оджээ. Харин нөгөө үзүүр нь төв цайз руу оржээ. Зам явсаар цайзын гол руу хонгил руу орсон харагдана. Il traforo! Цайзын трафоро гэж хонгилын тухай Ландон өмнө нь уншиж байсан санагдана. Энэ нь цайзыг дотуур нь ороосон том нүхэн хонгил бөгөөд цайзын хамгаалалтын захирагч хоромхон зуур морьтойгоо цайзан дээрээс доошоо бууж байх зориулалттай байдаг ажээ. Хассассин дээшээ гарсан байж таарна. Зам дагаад очвол, том гэгч хонгил угтлаа. Ландон баярлан гүйсэн боловч хонгил руу ормогцоо зогтуслаа.
Хонгил доошоо ороосон буусан байлаа.
Буруу тийшээгээ явжээ. Трафорогийн энэ хэсэг дээшээ биш, доошоогоо зоорь руу ордог бололтой.
Хонгил газрын гүн рүү нэлээн гүн орсон санагдана. Ландон эргэлзэн дээшээ тагт руу нэг харлаа. Тэнд хүн хөдлөхийг харсандаа итгэлтэй байлаа. Шийдэх хэрэгтэй. Нэгэнт өөр зам хараагүй болохоор тийшээгээ орохоос өөр арга байсангүй.
Тэртээ дээр хассассин олзныхоо дээр зогсоод харж байлаа. Алгаараа гарыг нь илбэл ёстой л торго шиг зөөлөн сайхан арьстай ажээ. Хувцсыг нь тайлан, бүх биеийг нь шохоорхох хүслэн төрнө. Энэ хүүхнийг хэдэн янзаар эдлэн жаргах билээ дээ.
Хассассин энэ хүүхнийг эдлэх эрхтэй ажээ. Януст хангалттай зүтгэсэн. Энэ бүсгүй бол дайны олз. Эдэлж дуусаад, буйдан дээрээс нь суга татан өвдөг сөхрүүлэн суулгана. Тэгээд суугаагаараа түүнд бас таашаал өгөх ёстой. Үүнээс илүү шан гэж үгүй. Хуял тавих яг тэр эгшинд, хассассин хүүхний хоолойг хэрчинэ.
Ghayat assa' adaha. Үүнээс илүү таашаал гэж үгүй.
Дараа нь тагтан дээрээ гарч зогсоод, тамхиа татсан шигээ олон хүн олон зууны турш хадгалж байсан хонзонг... өөрийнх нь зүтгэлийн эцсийн үр шим - Иллюминатигийн ялалтыг сэтгэл бахдан харах билээ.
Ландоныг буух зуур хонгил улам ч харанхуй болно.
Яг нэг тойрон, доошоо буусны дараа гишгэдэл тэгширлээ. Хөлийнхөө чимээ цуурайтахыг сонсвол том танхимд орж ирснээ мэдлээ. Харанхуй дотор ямар нэг зүйл бүртийнэ. Урагш алхан гараараа тэмтэрлээ. Гарт нь хром, шил бүхий өөгүй тэгш хүйтэн гадарга баригдав. Машин бололтой. Тэмтэрч явсаар хаалгыг нь олоод бариулаас татан онгойлголоо.
Машины бүхээгийн доторх гэрэл нэлсхийн асав. Арагш нэг алхан хараад, энэ хар мухлаг машиныг танив. Хоолой руу нь огшоод явчихлаа. Тэгснээ дотор нь үсэрч олоод, оргилуур дотор гээчихсэн бууныхаа оронд барьчихмаар зэвсэг хайв. Юу ч олсонгүй. Харин Витториагийн гар утас харагдав. Бяц дарагдан, хэмхэрчээ. Үүнийг хараад, Ландон хирдхийв. Хожимдоогүй байгаасай билээ.
Урагш тонгойн машины урд гэрлийн товчийг дарвал гэрэл аслаа. Жирийн л нэг өрөө. Өмнө нь морины жүчээ юм уу, зэвсэг хадгалдаг байсан байх. Тэгээд, энэ өрөө мухар байлаа.
Гарц байхгүй. Буруу газар ирчхэж.
Ландон машинаасаа үсрэн гарч ханыг тойруулан харлаа. Хаалга үүдгүй өрөө байх. Хонгилын үүдэн дээр байсан ангелийг бодвол, ийм баймгүй юм даа гэж бодогдоно. Үгүй дээ! Оргилуурын дэргэд алуурчны хэлсэн үг санаанд оров. Тэр Гэгээрлийн сүмд ... намайг ирэхийг хүлээгээд л байж байгаа даа. Одоо алдаа хийе гэхэд, дэндүү харамсмаар ихийг амжуулчихсан байлаа. Зүрх нь дэнсэлнэ. Уур уцаар, үзэн ядалт түүнийг галзууруулах шахаж байна.
Шалан дээр цус байхыг хараад Витториагийнх юм болов уу гэж эмээв. Гэхдээ мөрийг нь харвал гутлын улны мөр байна. Алхам нь хол, цусан дуслыг үзвэл зөвхөн зүүн хөлийнх ажээ. Хассассин!
Ландон мөрийг нь даган өрөөний мухар руу очиход сүүдэр нь улам томрон, нүүгэлтэнэ. Урагш алхах тусмаа гайхаж баршгүй. Цус татсан мөрийг нь харвал тэр шууд л өрөөний булан руу гараад явчихсан байлаа.
Булан руу очмогцоо тэр нүдэндээ итгэсэнгүй. Тэнд байсан боржин чулуунууд бусадтайгаа адил дөрвөлжин биш байлаа. Бас л нэг тэмдэг бололтой. Тэр чулуу өөгүй тавалж хэлбэртэй, өнцөг нь булан руугаа харсан байх ажээ. Давхар чулуун ханан дунд огт анзаарагдахгүйгээр тэнд байгаа нарийн завсар гарц болдог байна. Ландон завсраар нь шургав. Тэр гудам руу ороод явчихлаа. Өмнө нь, нэгэн цагт энэ гудмыг түгжиж байсан модон цуурганы хэмхэрхий байна.
Хонгилын цаана харин гэрэл байлаа.
Ландон гүйлээ. Модон цуурган дээгүүр үсрэн, гэрэл өөд зүтгэв. Гудам удалгүй илүү нэг танхим руу хөтлөн аваачлаа.
Жижиг хонгилын цаана нэлээн том өрөө байв. Ганц бамбар л тэр өрөөг гэрэлтүүлнэ. Ландон энэ том цайзын цахилгаангүй хэсэгт, магадгүй жуулчид хэзээ ч ирж байгаагүй, ирэх ч үгүй тийм хэсэгт орчихжээ. Өдрийн гэрэлд энэ өрөө аймаар харагдах байсан байх, харин шөнө, бамбарын гэрэлд их дүнсгэр үзэгдэнэ.
Il prigione (Шорон. ита)
Элэгдэж муудсан төмөр сараалжтай арваад хорих өрөө байна. Нэг нь овоо дориун ашиглаж болохоор агаад шалан дээр хаясан улаан шаш тууз, хар дээлийг хараад, Ландоны зүрх зогсох шахав. Кардиналуудыг энд хорьж байжээ!
Тэр торны цаана хүнд төмөр хаалга байна. Хаалга хагас онгорхой, завсраар нь урт гудам маягтай зүйл харагдана. Ландон тийшээ их л шийдмэг алхсанаа болилоо. Цус дусаасан мөр тийшээ ороогүй байв. Хаалганы тотго дээр үг сийлжээ.
Il Passeto (Хонгил).
Энэ хонгилын тухай уншиж байсан ч үүд нь хаана байдгийг хэн ч мэддэггүй байлаа. Il Passeto - хонгил бол Гэгээн Ангелийн цайз, Ватикан хоёрыг холбосон хагас километр хэртэй нүхэн гарц ажээ.
Ватиканыг бүсэлсэн үед зарим Пап энэ хонгилоор ийшээ зугтаж ирдэг байсан бол зарим нь нууц амрагтайгаа уулзах гэж, зарим нь олзолсон өшөөтнөө тамлах гэж үүгээр ирдэг байжээ. Харин одоо бол хонгилын хоёр талыг хоёуланг цоожилчихсон, түлхүүр нь Ватиканы аль нэг шүүгээнд байдаг гэж Ландон бодож байлаа. Иллюминатигийнхан хэрхэн Ватикан руу орж гарч байсныг мэдээд, голоор нь хүйт оргих шиг. Ватикан дотроос хэн шашнаа тэрслэн энэ түлхүүрүүдийг дайсандаа гардуулсныг гайхна. Оливетти юу? Швейцар жардаас нэг нь үү? Гэхдээ одоо хамаагүй болжээ.
Шалан дээр туссан цус эсрэг чигтээ явжээ. Тэнд зэвэнд идэгдсэн төмөр хаалган дээр хүнд гинж тохсон харагдана. Цоожийг нь мулталчихсан, хаалга нь хагас онгорхой ажээ. Цаана нь шат хана тойрон өгссөн үзэгдэнэ. Хаалганы довжоон дээр тавалж хавтан суулгажээ. Бернини өөрөө цүүц бариад энэ хавтанг хадаа юм болов уу гэж Ландон бодлоо. Хаалганы нуман тотго дээр нялх ангелийн дүрс сийлжээ.
Цусан толбо шат өөд өгсөнө.
Дээш өгсөхийн өмнө Ландон зэвсэг хайв. Ямар ч хамаагүй зэвсэг гартаа барих хэрэгтэй. Хайж хайж сараалж торны дөрвөн тохой урт төмөр оллоо. Нэг тал нь жад шиг хурц ажээ. Барьж явахад хүнд боловч байгаа ганц зэвсэг болгочихмоор юм нь л энэ. Гэнэдүүлж дайрвал, хассассины хөл нь шархтай байгаа болохоор дийлж болмоор санагдана. Хамгийн гол нь хоцрохгүй л байх хэрэгтэй.
Шат хана даган тойрч, огцом өгсөх ажээ. Ландон дээшээгээ аль болох хурдан, гэхдээ чимээ гарах вий хэмээн чих тавин гүйлээ. Аниргүй. Дээшээ өгсөх тусам шоронгийн хаалгаар гарах гэрэл бүдгэрсээр алга болов. Тас харанхуй. Нэг гараараа хана түшин өгсөнө. Галилео дурангаар харсан бүхнээ, түүнээс ургуулан дүгнэсэн нээлтээ ярихаар яг энэ шатаар тэр дээшээ, нөхөдтэйгөө уулзахаар яарч явсан болов уу.
Ландон Иллюминатигийн ноохой Ватиканы өмч, яг хажууд нь байсныг гайхаад барахгүй байв. Тэд Ватиканы өмчлөлийн газар хурдаг байжээ. Швейцар жардууд Ромыг нэгжин, бүх зоорийг шалгаж, алдартай бүх эрдэмтдийн гэрийг ажиглаж байх зуур... Иллюминати энд... Ватиканы яг хамар дор нь уулзалдаж байх ч гэж. Ёстой төгс мэх гэдэг энэ дээ. Бернини эндхийг засварласан гол архитектор нь байсан болохоор хэнээс ч асуулгүй бүхнийг өөрийнхөө бодсоноор шинэчлэн зассан байж таарна. Хэдэн нууц орц, гарц, өрөө нэмж хийгээ бол?
Гэгээрлийн сүм. Ландон их л ойрхон байлаа.
Шат улам нарийсаж, хана хоёр талаас нь хавчих гээд байх шиг. Түүхийн сүүдэр зогсоо зайгүй түүнд ямар нэг юм шивнэнэ. Харанхуйд өмнө нь зурвас шар гэрэл тодров. Хаалганы доогуур гялтайх бамбарын тэр гэрлийг хараад Ландон хэдхэн гишгүүрийн дараа зорьсон газраа очих нь гэдгээ мэдлээ. Чимээгүйхэн урагш алхлаа.
Ландон харанхуйд өгссөн болохоор өөрийгөө цайзын аль хэсэгт яваагаа мэдсэнгүй, гэхдээ орой руу нь их л ойртсон гэдгээ гадарлаж байв. Нөгөө асар том ангель одоо яг дээр нь байгаа байх даа.
Ангель минь, авран тэтгээрэй хэмээн залбираад гартаа барьсан төмөр саваагаа урдаа бэлдээд, хаалга руу аяархан дөхөв.
Витториагийн гар өвдөнө. Сэрээд гараа хүлээстэйг мэдсний дараа, суллачхаж болох байлгүй гэж бодоод, тайвширсан авч амжсангүй. Араатан эргээд иржээ. Одоо тэр цээжээ нүцгэлчхээд дээр нь зогсож байв. Алаан тулааны сорви биед нь илхэн харагдана. Хорт могойнх шиг хоёр нүд нь биеийг нь цоо ширтэх ажээ. Үйлдэх гэж байгаа булай үйлээ төсөөлж байгаа нь илт. Тэгээд, өмднийхөө тэлээг яаралгүй тайлаад, газар шидчихлээ.
Витториа айдаст автан, нүдээ анилаа. Нүдээ дахин нээхэд, алуурчин том хурц хутга барьчихсан байв. Тэгээд, хацрыг нь хутгаараа алгадан, шалиг шалиг инээвхийлнэ.
Бүсгүй айж мэгдсэн царайгаа хутганы гялбаанд харах шиг боллоо.
Хассассин хутгаа мөрөөр нь хүүхний бүсэлхий дээгүүр гүйлгэхэд, хүйтэн төмрийн үзүүр зэвүүн байлаа. Алуурчин доогтой шалиг харцаа дальдчилгүй, хутгаа шортных нь бүсэлхий рүү огцом шургууллаа. Бүсгүй эхэр татав. Хутга өмдөн дотуур нь нааш цааш аажуухан гүйж, алгуурхан доошлох нь аймаар санагдана. Алуурчин хажууд нь хэвтэхэд, амьсгал нь чихэн дээр мэдрэгдэнэ.
«Энэ хутгаар аавын чинь нүдийг ухсан юм шүү дээ!»
Витториа эгшин зуур хүн алж ч чадахаар өширч байгаагаа мэдэрлээ.
Хассассин хутгаа өмднөөс нь сугалж авснаа, дээш нь ногоон шарга цамцан дээгүүр нь гүйлгэж эхлэв. Тэгснээ гэнэт больсноо, толгойгоо өргөлөө. Нэг хүн өрөөнд ороод иржээ.
«Наад хүүхнээсээ холд!» гэж жигшин зандрах дуу үүдний тэндээс сонсогдлоо.
Хэн ингэж хэлснийг нь хараагүй боловч дуугаар нь танилаа. Роберт! Амьд байгаа юм байна!
Алуурчны царай хувьсхийж, сүнс харсан юм шиг болчихжээ. «Ландон гуай. Чамайг ангель өөрөө хамгаалдаг байх аа» гэлээ.
Хэсэг 108

Ландон хормын зуур ариун газар ирснээ ухаарлаа. Хуучирч муудсан энэ өрөөнд байгаа дүрс бүгд л таньдаг мэддэг бэлгэдлүүд байлаа. Тавалж, пирамид, гариг эрхэс, тагтаа...
Гэгээрлийн сүм. Энгийн, гэхдээ ариун. Хүрээд ирчихлээ.
Яг өмнө нь, онгорхой тагтны наана, хассасин зогсоно. Цээж нь нүцгэн тэрээр Витториагийн хажууд байлаа. Бүсгүй хөдөлж чадахгүй авч амьд ажээ. Түүнийг хараад, Ландоны сэтгэл сая л нэг уужрав. Хормын зуур тэр хоёрын харц тулгаран - талархал, цөхрөл, гуниг -бүх догдлол хурсан харц солилцлоо.
«За ингээд дахиад уулзах шив дээ» гэж хассассин хэлэв. Тэгээд, гартаа барьсан төмрийг нь хараад: «Энэ удаа чи ийм юмтай ирээ юү?» хэмээн чанга дуугаар хөхөрлөө.
«Хүлээсийг нь тайл!»
Хассассин хутгаа Витториагийн хоолойд тулгаад: «Би зүгээр л алчихдаг юм уу?» гэв.
Энэ хүн тэгж чадна гэдгийг Ландон мэдэж байлаа. Тэгээд аль болохоор дуугаа зөөллөн өгүүлэв. «Чиний яах гэж байсныг чинь бодвол ... наад бүсгүй чинь үхэхийг илүүд үзэх биз дээ» гэлээ.
Хассассин их л доромж инээвхийлээд: «Тийм шүү. Энийг зүгээр ингээд алчихвал хайран юм даа» гэлээ.
Ландон урагш алхаад, зэвтэй төмөр савааныхаа хурд үзүүрийг хассассин руу чичлэв. Гарыг нь урчих нь тэр. «Бүсгүйг явуулчих» гэлээ.
Хассассин санаа алдан, мөрөө буулгахыг харвал, бууж өгч байгаа аятай. Гэнэт гараа дээшээ өргөж, Ландоны нүдний өмнө бөөн хар булчин оволзон үзэгдсэнээ, даруй хутга нисэх мэт цээж рүү нь тэмүүлэн ирж яваа үзэгдэв.
Зөнгөөрөө юм уу, цөхөрсөндөө юм уу Ландоны хөл нь нугаран сөхрөхөд, хутга чихнийх нь хажуугаар салхи зүсэн өнгөрч, ард нь байгаа хананд хангинан тусах сонсогдов. Хассассин сөхөө өгсөнгүй. Гартаа төмөр саваа барин сөхөрсөн Ландонйг тохуурхсан мэт инээвхийлэн, Витториагаас холдон, Ландон руу арслан барс шиг үсэрч байх ажээ.
Ландон өвдгөө өргөн, саваагаа үзүүрээр нь чиглүүлэн өргөх үед хоолойтой цамц, норсон хувцас нь хөдөлгөөнийг нь хориод байх шиг санагдлаа. Харин хагас нүцгэн хассассин гайхалтай хурдан хөдөлж, хөлийнх нь шарх огт байхгүй мэт хөдөлгөөнийг нь огтхон ч удаашруулсангүй. Энэ хүн өвчин дааж сурсан хүн ажээ. Амьдралдаа анх удаа Ландон буутай ч байсан болоосой гэж бодов.
Хассассин Ландоныг аажуухан тойрч, хутга руугаа дөхөх гэсэн боловч Ландон саваагаа чичлэн хорив. Тэгтэл, тэр буцаад Витториа руу хөдлөх гэлээ, Ландон дахиад л саваагаа чичлэн болиулав.
«Цаг байна шүү» гэж Ландон хэлээд: «Канистер хаана байгааг хэлчих. Ватикан Иллюминатигаас ч илүүг төлөх байх шүү» гэлээ.
«Чи ямар гэнэн тэнэг юм бэ?»
Ландон жадаа чичилнэ. Хассассин бултана. Ландон бандан сандал дагуулан, төмөр саваагаа урдаа барин чичилж, алуурчныг зууван өрөөний буланд шахах санаатай залж байв. Өө, энэ чинь нэг ч булангүй өрөө байна шүү дээ. Жигтэй нь, хассассин түүн рүү довтолсон ч үгүй, зугатсан ч үгүй, хөлөө сэлгэн, хөнгөн хөнгөн үсчиж, хөдөлгөөнийг нь гярхай ажин байв. Ландоноор тоглоод ч байгаа юм шиг. Хүйтэн хүлээцтэй байлаа.
Юугаа хүлээгээ юм болоо? Алуурчин дороо эргэлдэн, биеэ үсчин, займчина. Яах гээд байгааг нь ойлгоно гэдэг ёстой л шатар тоглож байгаа юм шиг байлаа. Гартаа барьсан саваа нь хүнд болж ирэхэд, Ландон хассассин юу хүлээгээд байгааг нь гэнэт мэдлээ. Намайг л цуцаах гээд байгаа вий. Гэхдээ, нээрэн цуцаж байлаа. Гар хөл нь бадайрч, адреналин түүнийг босоогоор нь барьж дийлэхгүй шинжтэй болж байв. Хөдлөхгүй бол болохоо байлаа.
Хассассин бодлыг нь уншсан мэт зүгээ өөрчлөн хөдлөв. Өрөөний голд байгаа ширээ рүү түүнийг аваачих гээд байгаа мэт санагдана. Ширээн дээр бамбарын гэрэлт гялтганасан нэг юм байлаа. Буу юм болов уу? Ландон хассассин руу ширтсээр, ширээ рүү аажуухан ойртов. Хассассиныг ухасхийх эгшинд Ландон ширээ рүү хяламхийгээд, дагуулаад байсан өгөөш рүү нь орчихгүйг хичээлээ. Гэхдээ л, сониуч зан нь өгөөш рүү татагдчихлаа. Ширээ рүү харав.
Тэнд ямар ч зэвсэг байсангүй. Гэхдээ, тэнд байсан юмыг анзаарахгүй байж чадсангүй.
Ширээн дээр зэвэнд идэгдсэн тавалж хэлбэртэй төмөр хайрцаг байлаа. Тагийг нь хажууд нь түшүүлж тавьжээ. Дотуур нь тусгаарласан таван хоногт таван тэмдэг байлаа. Бүгд төмөр, иш нь мод байв. Юун тэмдэг болохыг нь Ландон асуултгүй мэдэж байлаа.
Шороо, Хий, Гал, Ус.
Хассассин дайрах вий гэсэндээ, Ландон арагш татвагахийн ухрав. Тэр тэгсэнгүй, харин ч Ландонд тэмдгүүдийг үзүүлсэндээ баярласан мэт байлаа. Ландон нүдээ дайсан дээрээ онилон, урагшаа цээж рүү нь дүрэхээр зэхэж байв. Гэхдээ л нөгөө хайрцаг санаанаас нь гардаггүй. Хэдийгээр тэмдгүүд нууцлаг - зарим иллюминатигийнхан ийм юм байдаг гэдгийг гадарладаг ч үгүй байсан ч гэсэн - Ландон тэр хайрцагт өөр нэг нууцлаг юм байх шиг санагдаад байлаа. Хассассин хөлөө сэлгэн үсчих зуур, Ландон дахиад нэг хяламхийгээд авав.
Бурхан минь!
Хайрцагт таван тэмдэг хайрцгийн захаар байрлуулсан тавуулаа хоногтоо байлаа. Голд нь бас нэг хоног байх ажээ. Тэр нь хоосон байсан ч гэсэн бүр ч том өөр ямар нэгэн, дөрвөлжин тэмдэгт зориулсан нь мэдээжийн харагдаж байлаа.
Хассассин цахилгаан цахих шиг гялсхийн дайрлаа.
Олз руугаа шумбах бүргэд шиг л хассассин нисэн ирлээ. Ландоны анхаарал нь сарнин, ухаарч амжаагүй байтал, бүрхээд ирлээ. Хамгаалах гэдэг хэтэрхий оройтжээ. Саваагаа өргөх гэж оролдсон ч, хассассин хоёр гараараа савааг аль хэдийн зуурчихсан байлаа. Гар нь урагдсан ч гэсэн атгалт нь аймшигтай чанга ажээ. Хоёр эр алалдан тэмцэж эхлэв. Ландоны гарт байсан саваа гулсан мултарч, алга нь шазран өвдсөөр хоцорно. Хором хүрэхгүйн дараа савааных нь хурц үзүүр өөдөөс нь чиглэн ирэх нь тэр. Анчин өөрөө ан болжээ.
Ландон хүнд юманд цохиулан салбайн унав. Хассассин мушилзан тойрч, Ландоны ард нь гарч хананд тулгалаа. «Америкаар «төгсгөл» гэдгийг юу гэх вэ?»
Ландон төвлөрч чадахгүй байв. Хассассин дайрах үед нь өөр юм хараад, ангайж байснаа бодон өөрийгөө зүхнэ. Юу ч ойлгогдохгүй байв. Иллюминатигийн зургаа дахь тэмдэг? «Зургаа дахь тэмдгийн тухай би юу ч уншаагүй дээ» хэмээн өөрийгөө зүхэх зуур бодон бувтнана.
«Уншаа байлгүй дээ» гэж хассассин хөхрөн, Ландоныг дугуй хана дагуулан хөөж байлаа.
Ландон төөрөлдөж орхилоо. Харин алуурчин үгүй бололтой. Уул нь Иллюминати таван тэмдэгтэй. Тэр нуруугаараа хана налаад, гартаа барьчихмаар зэвсэг хайж байлаа.
«Эртний махбодуудын төгс нэгдэл» гэж хассассин хэлээд: «Сүүлийн тэмдэг нь хамгийн гайхалтай шүү. Даан ч чи тэрийг харж амжихгүй байх л даа» гэв.
Ландон одоогоор юм харахтай манатай байлаа. Нуруугаараа хана руу хараад, өрөөн дотор хэрэг болчихмоор юм хайна. «Чи тэгээд тэр сүүлийнх нь тэмдгийг харсан юм уу?» гэж цаг хожих санаатай асуув.
«Нэг л өдөр тэд намайг үнэлж шагнана даа. Би ч өөрийгөө харуулна» . Хассассин түүн рүү жадаа чичлэн, их л зугаатай байлаа.
Ландон хана налав. Хассассин түүнийг хаа нэг булан руу аваачих гээд байгаа юм шиг санагдана. Хаашаа тэр вэ? Ландон ар тал руугаа эргэж харж чадахгүй байв. «Тэр тэмдэг чинь тэгээд хаана байгаа юм бэ?»
«Энд л лав биш. Януст л ганцааранд нь байдаг юм».
«Янус гэнэ ээ?» хэмээн Ландон асуув. Огт сонсож байгаагүй нэр байлаа.
«Иллюминатигийн удирдагч. Удахгүй наашаа ирнэ гэсэн».
«Иллюминатигийн удирдагч нь наашаа ирж яваа юм уу?»
«Яах вэ хамгийн сүүлийн тэмдгийг дарж тамгалахгүй юу».
Ландон зарсхийн, Витториа руу харлаа. Бүсгүй гайхалтай амгалан... дэлхий ертөнцийг үл тоомсорлон нүдээ аниад ... уушги нь зөөлөн зөөлөн гүн амьсгална. Энэ бүсгүй хамгийн сүүлийн хохирогч нь гэж үү? Ингэхэд тэр нь тэр гэж үү?
Хассассин Ландоны нүдийг хараад, юу бодсоныг нь гадарлав бололтой. «Та хоёр тэрний дэргэд юу ч биш. Чи одоо ингээд талийж одно, мэдээж. Харин миний яриад байгаа тэр сүүлийн хохирогч бол хамгийн аюултай дайсан маань юм шүү дээ» гэлээ.
Ландон хассассины ярьсныг ухаарах гэж оролдоно. Хамгийн аюултай дайсан гэнэ ээ? Хамгийн чухал кардиналууд аль хэдийн талийж одсон. Пап өнгөрчихсөн. Иллюминати бүгдийг нь цааш нь харуулчихсан шүү дээ. Ландон хассассины доогтой зэвүүн нүднээс хараад сая л ухаарав.
Камерлинго.
Вентреска камерлинго энэ бүх үймээн дунд, энэ дэлхийн бүх хүний ганц найдлага болсон хүн байлаа. Хэдэн арван жилийн турш сэрдэх онолчдын хийснээс илүүгээр энэ шөнө камерлинго Иллюминатийг ялласан ажээ. Хийсэн хэргийнхээ төлөөсийг, хөөрхий камерлинго төлөх хэрэгтэй боллоо. Сүүлчийн бай.
«Чи түүнд хүрч чадахгүй шүү дээ» гэж Ландон өднө.
«Би очихгүй ээ» гэж хассассин Ландоныг булан руу улам шахангаа: «Тийм нэр хүндтэй ажлыг Янус л өөрөө хийнэ шүү дээ» гэв.
«Иллюминатигийн удирдагч нь өөрөө очиж камерлингог тамгалах гэж үү?»
«Эрх мэдэлд чинь бас ямба гэж бий».
«Гэхдээ одоо бол хэн ч Ватикан хийд руу орж чадахгүй байх аа».
Хассассин хөмсгөө өргөн инээвхийлээд: «Мэдээж хэрэг. Гэхдээ уулзалт товлосон бол ч өөр хэрэг шүү» гэлээ.
Ландон гайхширсаар. Ватиканы хүлээж байгаа цорын ганц хүн бол хэвлэлийнхний 11 цагийн Самари хүн гээд байгаа, Рошерийн хэлснээр шашныг аврах мэдээлэл бүхий тэр ...
Ландон таг мэлрэв. Ээ, бурхан минь.
Ландон цочирдохыг хараад, хассассин их л баясан: «Янус яаж Ватикан руу нэвтрэх юм бол гэж би ч гэсэн гайхаж байсан юм. Тэгээд, би мухлаг тэргээ жолоодоод явж байгаад, радиогоор - 11 цагийн Самари хүний тухай сонссон» гэснээ додигонон инээмсэглээд: «Ватикан Янусыг алгаа дэлгэн угтана даа» гэлээ.
Ландон савж унахаа шахав. Тэр Самар хүн чинь тэгээд Янус болж таарав уу? Хүний санаанд оромгүй хуурмаг явдал гэж энэ дээ. Иллюминатигийн удирдагчийг Швейцар жард шадарлан, шууд л камерлингогийн өрөө рүү аваачих нь байна шүү дээ. Гэхдээ, Иллюминатигийн удирдагч Рошерийг хэрхэн дөнгөө юм бол? Эсвэл Рошер үүнд хамаатай юм болов уу? Нуруугаар нь хүйт даав. Архивд түгжигдсэнээс хойш, Ландон Рошерт огт итгэж өгөхгүй байлаа.
Хассассин гэнэт чичиж, Ландоны мөрийг сүлбэж орхив.
Ландон гэдрэгээ саван, уурандаа: «Янус тэндээсээ амьд гарч чадахгүй шүү дээ» гэлээ.
Хассассин мөрөө хавчаад: «Зарим үйлийн төлөө амь хайрангүй шүү дээ» гэв.
Хассассин үнэн хэлж байгаа бололтой. Янус амь золин тийшээ очиж байгаа ажээ. Эгшин зуур, Ландон Иллюминатигийн хорлонт ажиллагааны бүрэн учгийг тайллаа. Папыг цааш нь харуулсны дараа, оронд нь гарч ирсэн тэр дорой гэлэн харин ч хүчтэй дайсан болон хувирчээ. Тиймээс сүүлийн мөчид түүнийг устгахаас өөр аргагүй болсон нь энэ аж.
Ландоны тулж байсан хана гэнэт алга болчхов. Араас нь голын жихүүн салхи үлээж, харанхуй шөнө дүнсийнэ. Тагт! Хассассин юу бодож байсныг мань хүн одоо л ухаарлаа.
Ландон ард зуун тохой өндөр хана баганадаж байгааг мэдэрч байлаа. Наашаа ирж явахдаа, тэр нүдээрээ харсан билээ. Хассассин ч цаг алдалгүй дайрав. Жад цээжийг нь онилон ирлээ. Арай гэж арагшаа ухарч, жадны үзүүр цамцыг нь сэглээд өнгөрөв. Жад дахин цээжийг нь онилон ирэв. Арагш ухрах гэсэн боловч ард нь тагтны хашлага тулахыг мэдрэв. Дараагийн удаа жадлахад, би үхнэ дээ гэж Ландон бодож амжлаа. Гэхдээ цээжээрээ хажуулдасхийн эргээд, гараараа төмөр савааг шүүрч авахад, алга нь тэсвэрлэшгүй их өвдөн шаналав.
Хассассин сэхээ өгөлгүй чичилнэ. Тэр хоёр хүч тэнцэн, нүүр нүүрээ тулан хэсэг дэнжгэнэхэд алуурчны амьсгаа Ландоны нүүр рүү үлээж байлаа. Саваа мултарч эхэллээ. Хассассин хэтэрхий хүчтэй байв. Аргаа барахдаа, Ландон тэнцвэрээ алдан байж, хөлөө жийн алуурчны шархтай хөлийг өшиглөх гэж оролдов. Гэхдээ, алуурчин, аргагүй мэргэжлийн хүн тулдаа, эмзэг газраа хамгаалж дөнгөв.
Ландон сүүлийнхээ мэхийг хийчихлээ. Төмөр савааг гараараа тогтоон барьж дийлэхээ болив.
Хассассин дахин хүчтэй дугтран, Ландоныг арагш нь хашлага руу түлхэв. Ард нь бүсэлхийнийх нь дор юу ч үгүй хоосон агаар л мэдрэгдэж, нуруугаар нь зарсхийн, хүйт даав. Хассассин төмөр саваагаараа Ландоны цээжин дээр нь дарж, арагш нь дугтран түлхэнэ. Ландон нуруугаараа хашлага дээр нумран тогтох гэж оролдох.
Ma'assalamah хэмээн хассассин хамраараа гуншина. Үүрд баяртай.
Хассассин улангассан харцаа салгалгүй, сүүлийн удаа дугтран түлхлээ. Ландоны хүндийн төв нь шилжиж, хөл нь шалнаас хөндийрөөд явчхав. Ганц найдлага бий. Унахдаа, Ландон гараараа тагтны доод ирмэгээс зуурлаа. Зүүн гар нь гулсаж мултраад, харин баруун гар нь тогтов. Ландон нэг гараараа тагтны доод ирмэгээс зуурчихсан, хоёр хөл нь хашлага арай давалгүй толгойгоороо доошоо харчихсан дүүжигнэнэ.
Хассассин түүний дээрээс төмөр саваагаа далайн нэг мөсөн зүйл дуусгахаар зэхнэ. Саваагаа дээшээ өргөх агшинд, Ландон гайхмаар зүйл харлаа. Үхлийн өмнөх зэрэглээ юм уу, эсвэл зүгээр л айдас байв уу, Хассассиныг тойрон гэгээ цацрах шиг боллоо. Араас нь юу ч үгүй хоосноос гал бадамлах шиг боллоо.
Далайсан төмрөө алдан, хассассин өр өмөртөл дуу тавин ориллоо.
Төмөр саваа Ландон нүүрийг нь шүргэн, харанхуй руу унан шингэв. Хассассин эргэж харахад, нуруунд нь гал дүрэлзэн байхыг харлаа. Ландон биеэ татан хашлага дээгүүр харвал, Витториа хорсол дүүрэн нүдээ жартайлган, хассассиныг хэрж зогссон байлаа.
Витториа урдаа бамбар барьчихсан зангаж, нүүрэнд нь шийдэмгий байдал тодрох нь галын дөлөнд хослон үзэгдэнэ. Тэр яаж хүлээснээсээ мултарсныг Ландон ухаарсангүй, анзаарсан ч үгүй, хашлага дээгүүрээ буцаад, давж орох гэж сарвалзана.
Тэмцэлдээд удсангүй. Хассассин орь дуу тавин, бүсгуй рүү дайрлаа. Витториа бултах гэж оролдсон ч чадсангүй, алуурчин бамбарыг нь барьчихсан булаах гэж ноцолдоно. Ландон хашлага давангуутаа, урагш давшиж гараа атган, алуурчны түлэгдсэн нуруу руу байдаг чадлаараа буулгав.
Орь дуу тавих нь Ватиканд хүртэл сонсогдохоор ажээ.
Нуруу нь өвдсөндөө, хассассин хөдөлж чадалгүй, бамбараа Витториад алдмагц, бүсгүй бамбараа дахин далайж: «Нүдийг нүдээр» хэмээн хашхирч, нүүр рүү нь цоргив. Нүүрнийх нь арьс шархийн түлэгдэж, зовхи нь атираад явчихлаа. Үхэж байгаа юм шиг дахин нэг хашхирч, гараараа нүүрээ дарлаа.
«Амийг амиар» гэж Витториа дахин хашхираад, бамбараа бэйсболын цохиур шиг бариад, тас хийтэл цохиход, хассассин савж унахдаа, тагтны хашлага руу ойчив. Энэ эгшинд Ландон, Витториа хоёр зэрэг очиж хамаг хүчээрээ хассассиныг түлхлээ. Хассассин хашлага даван ойчиж, шөнийн харанхуй руу нисэн одов. Ямар ч орь дуу тавих чимээ сонсогдсонгүй. Харин тэртээ доор хураасан их бууны чулуун бөмбөгөн сум дээр далавчаа дэлгэсэн элээ шиг ойчих тэр эгшинд нуруу нь хугарах битүү чимээ гарлаа.
Ландон Витториа руу галзуу хүн шиг цоо ширтэнэ. Бүсгүйн бие, мөрөн дээгүүр нь олсны тасархай харагдана. Нүд нь гал шиг дүрэлзэнэ.
«Хүдини* ёог мэддэг байсан юм шүү дээ» гэв.


*Хүдини гэдэг бол хүлээтэй, түгжээтэй байдлаас амжилттай мултардаг илбэ үзүүлдэг Америкийн нэрт жүжигчин юм.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 10:36 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Нээрээ киног нь ямар сонин дарааллаар хийдгиймбээ. Витториаг л дараагийх нь гэж бодоод байсан эхнийх нь байсан байнашдээ хэхэ :bigthumpup:


Top
   
PostPosted: Apr.20.15 11:10 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Энийг ер нь эхлээд оруулдаг байж
ОРЧУУЛАГЧИЙН ТАЙЛБАР

Миний бие энэ номыг орчуулахдаа хэд хэдэн зарчим барьсан болно. Гадаад нэг үгийг монгол нэг үгээр орчуулах, бүр ядвал, нэг сул үг буюу нэг үет үгээр холбоо үг үүсгэн орчуулахыг хичээлээ. Жишээлбэл: Эрдэм - Шинжлэх ухаан гэдэг үгийг ийн орчуулав. Энэ номыг орчуулахдаа, нэг гадаад үгийг нэг монгол үгээр орчуулах зарчим баримтлан, «Scientia» буюу «мэдлэг» гэх латин үгийн хамгийн дүйх орчуулга нь эрдэм юм гэж үзлээ.
Католик шашны албан тушаалын нэрс
Priest - Гэлэн хэмээн орчуулав. Анх эртний ховройн заншлаар, бурханд хурга нядлан, тахил болгодог этгээдийг priest гэдэг байжээ. Энэ агуулгаараа тахилч хэмээн орчуулахад илүү дөхөмтэй санагдсан тал буй.
Reader - номлогч
Bishop - хамба. Бишоп, епископ гэдэг нь грекээр харагч, хянагч зайран гэсэн утгатай католик шашны албан тушаалын нэр юм.
Cardinal - Энэ албан тушаалыг «ширээт лам», «ширээт засаг» хэмээн орчуулсан нь нэлээн түгээмэл байна.
Pope - Пап, заримдаа манайд Ромын хамба гэдэг.
Faith - Сүсэг
Belief - Итгэл
Religion - Шашин
Church - Шашин, зарим тохиолдолд, сүм хийд гэлээ. Уул нь Church гэдэг Religion-ooc ялгаатай нь, тэр Religion-ийг хэрэгжүүлдэг газрыг буюу бүтцийг хэлдэг ялгаатай юм.
Гуайлал
Коммунист засгийн үед, Монголын гуайлах ёсыг хуучны бүдүүлэг ёс хэмээн халж, бүгдийг «нөхөр» хэмээн тэгшитгэснээс, өнөөдөр бид гуайлах уламжлалаасаа тасарч, заримдаа өөрсдөө ч төөрөлддөг болжээ.
Тиймээс өнөөдөр бид англи хэлний Mister, Sir болон бус хэлний тэдгээртэй дүйх үгийг орчуулж дийлэхгүй, «ноён, хатагтай» гэх үгээр оноон ядаж сууна. Нэгэнт энэ мэт энгийн ойлголтоо орчуулж чадахгүй болохоор, Your (His, Her) Majesty, Your (His, Her) Highness, Your (His, Her) Honor зэрэг хандах үгийг орчуулж бүр ч дийлэхээ больжээ.
Уул нь Монгол гэдэг түүхэнд нэртэй ард түмэн учраас, тэдгээрт дүйх үг заавал байх агаад гагцхүү, далайгаас сувд шүүх мэт хичээн олж, хэрэглэж дадахгүй л байна. Энэ гажгийг тэгшилье хэмээн санаж, англи, монгол хоёр уламжлалын гуайлах ёсыг дараахь байдлаар дүрэмлэн, дүйцүүлэн орчуулав.
Гуайлах дүрэм
1. Хүйс, нас харгалзалгүй хүний овгийн нэрийн ард «гуай» гэж дуудна.
Англи хэлний mister, misses, miss франц хэлний Monsieur, Madamme, Madammoisselle, opoc хэлний господин, госпожа болон бусад хэлнээ эдгээртэй дүйцэх гуайллыг бүгдийг нь «гуай» хэмээн орчуулна. Өвөр Монголд эдгээр үгийг «авгай» гэж орчуулж, хэлж хэвшжээ. «Гуай» гэдэг халх аялгуунд «авгай» гэдэг үгийн сунжирсан хэлбэр гэж үздэг тул ийн орчуулж, ярьж хэвших нь зүйтэй мэт. Эмэгтэй хүнийг хүндэтгэн lady, madam гэж байгаа бол сая «авхай» хэмээн орчуулж болно.
i. Дорж гуай, Дондог гуай, Ханд гуай, Энхчимэг гуай гэх мэт. Овог хэрэглэх ёсыг дагавал, Боржигин гуай, Дундгай гуай, Хиргис гуай, Монгол гуай, Марь гуай, Хатигин гуай, Сарлагтан гуай хэмээн ярих буюу Бо гуай, Ду гуай, Хи гуай, Мо гуай, Ма гуай, Ха гуай, Са гуай хэмээх нь хураангуйлан гуайлвал, өрнө дорнын овог хэрэглэх нийтлэг ёсонд төдийгүй ярианы хэмнэлд илүү нийцтэй санагдана.
ii. Ландон гуай, Витториа гуай, Колер гуай
1. Mr. President - «Ерөнхийлөгч гуай»
2. Эрхэм хүнийг хүйс, нас харгалзалгүй овог, албан тушаал, хэргэмийн ард «-тан» гэх дагаврыг залгаж дуудна. а. Англи хэлний Sire, sir гэсэн хүндэт хэргэмийг ийн орчуулбал зохистой.
i. Вентрескатан, Оливеттитан, Рошертон
ii. Паптан, камерлинготон
iii. Ламтан, хамбатан
3. Цол, хэргэмтэй хүний овгийн ард тухайн цол, хэргэмийг хэрэглэнэ.
a. Оливетти захирагч, Рошер занги
b. Молом генерал, Ганболд профессор буюу овгоор нь, илүү албархуу дуудвал, Намнан генерал буюу На генерал, Их цагаан профессор буюу И профессор.
4. Цол, хэргэмгүй атлаа удирдах албан тушаалтан хүнийг албан тушаалаар нь тодорхойлон дуудах тал бий.
a.Вентреска камерлинго, Колэр захирал
b.Чимэгээ зөвлөх буюу Буни зөвлөх, Бу зөвлөх
Гуайлж хандах
1. Энгийн үед: «Хүүе, хөөе» гэж дуудна.
2. Хүндэтгэсэн үед: «Ноёнтон, Авхай» хэмээн гуайлна.
a. Mister - Ноёнтон
b. Misses, Miss - Авхай
3. Албан тушаал, зэрэг ахмад хүн рүү:
a. Sir - Эрхэм ээ,
b. Your Honor - Эрхэмсэг ээ,
c. Your Excellency - Дээдэс ээ,
d. Your Highness - Өндөр дээдэс ээ,
e. Your Majesty - Эрхэм дээдэс ээ,
f. Your Holiness - Гэгээн дээдэс ээ
4. Цол буюу хэргэмтэй хүн рүү тухайн цол.хэргэмээр нь мөн гуайлж хандана.
a. Colonel - Хурандаа
b. Camerlingo - Камерилинго
c. Cardinal - Кардинал
Монгол хэлний гуайлах ёс алдагдсанаар, англи зэрэг бусад хэлний гуайллыг орчуулж чадахгүй болоод зогсохгүй, эдүгээ албан тушаал, гуайлал хоёрын ялгаа алдагдаж, хэлийг эвдэж байгаа жишээ тун олон.
Англи буюу Европ зүгийн хэлнээ ихэнх тохиолдолд, гуайлал овгийнхоо урд, харин албан тушаал овгийнхоо хойно ордог. Жишээ нь: Mr. Bush, President of the United States of America гэхэд Mr нь гуйлал, харин President of the United States of America гэдэг нь албан тушаал байна.
Европ хэлний энэ загварыг ухвар мөчид хуулан авч хэрэглэх явдал өнөөдөр нэгэнт түгээмэл болжээ. Жишээ нь: Монгол Улсын Ерөнхийлөгч, ноён Элбэгдорж гэж ярьж бичих нь нэн түгээмэл. Бүр заримдаа, Хүрээлэнгийн захирал, хошууч генерал, доктор, профессор, академич Ангараг гэж хүртэл цувуулан бичих нь тааралдах болов. Уул шугамдаа бол, Монгол хэлнээ албан тушаал нь урдаа, гуайлал нь ардаа орж байх ёстой. Жишээ нь: Монгол Улсын Ерөнхийлөгч Бэсүд Элбэгдорж гуай буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Бэсүд эрхэм гэх нь зүйтэй. Эсвэл Ийм тийм хүрээлэнгийн захирал Ангараг профессор гэх нь зүйтэй санагдана.
Иймээс миний бие энэ номд, «Харвардын их сургуулийн урлагийн түүхийн багш Ландон профессор» хэмээн дүрэмлэн, орчуулсан билээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 11:58 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
хүүшээ дуусаагүй биз дээ, нөгөө янус манусаа барихгүймүү, тэр гайхал хэн гэдгийг л мэдмээр байх юм, баярлааа шуурхай оруулж бна шүү. Зохиолч маш их мэдлэгтэй хүн юм уу даа, элдэв шашин урсгал, Ром Ватиканы зохин байгуулалт, шинжлэх ухаан, түүх гээд л...


Top
   
PostPosted: Apr.20.15 12:06 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Mar.24.15 9:12 pm
Posts: 3
Тгээд энэ хэнийг зүүдэлж эхэлж байгаан бэ


Top
   
PostPosted: Apr.20.15 1:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
panther wrote:
хүүшээ дуусаагүй биз дээ, нөгөө янус манусаа барихгүймүү, тэр гайхал хэн гэдгийг л мэдмээр байх юм, баярлааа шуурхай оруулж бна шүү. Зохиолч маш их мэдлэгтэй хүн юм уу даа, элдэв шашин урсгал, Ром Ватиканы зохин байгуулалт, шинжлэх ухаан, түүх гээд л...

Zohiolch ni er ni uuruu Landon shahuu yum shig bailee shd. Symbol sudlaach yum gsn. Nom ingeed duustsiishd. Tsaashaa yu bolohow dee

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 2:02 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Apr.12.10 6:51 pm
Posts: 137
Location: UB
Өө нээрээ юү , дараагийн ном нь энэ төгссөн хэсгээсээ үргэлжилэх үү ?

_________________
2x2=5


Top
   
PostPosted: Apr.20.15 2:18 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
өө яасан тонин дуусдаг ном бэ янус хэн байсийн болоо


Top
   
PostPosted: Apr.20.15 2:19 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Баярлалаа аягүй хурдан оруулж байна шүү. Тэгээд гол ээдрээнүүд нь тайлагдахгүй энэ зохиол нь дуучихаж байгаа юм уу? Колер тэр Янус мөн үү?

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.20.15 2:41 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Хэсэг109

Энэ үеэр Гэгээн Петерийн талбай дээр Швейцар жард эгнэн жагсаад, захирагчийнхаа тушаалаар нэгэн зэрэг ярсхийтэл урагшлан, цугласан олныг аюулгүй зайд түлхэн гаргахаар шахаж байв. Шавсан олон өөрийнхөө аюулгүй байдалд зовнихоосоо илүү Ватиканд болж байгаа явдлыг шохоорхох ажээ. Талбайд босгосон том том дэлгэцүүд камерлингогийн зөвшөөрсний дагуу антиматерийн цаг урвуу тоолж байгаа дүрсийг Швейцар жардын хяналтын камераас шууд дамжуулна. Харамсалтай нь урвуу тоолж байгаа тэр дэлгэц хүмүүст болгоомжлол төрүүлж чадахгүй байв. Тэд дэлгэц дээр канистер дотор агаарт дүүжигнэн байгаа жижиг дуслыг ширтэж, санаснаас аймаар биш харагдахыг гайхна. Урвуу тоолох цаг дөчин тав хүрэхгүй минутын дараа дэлбэрэх гэж байгааг харуулна. Хараад ажиглан суух хангалттай их цаг байлаа.
Швейцар жард - камерлинго дэлхий нийтэд хандан үнэнийг илчилснийг, мөн Иллюминатигийн энэ заналыг хэвлэлийнхнээр дамжуулан нийтэд үзүүлж байгааг зөв гэж дуу нэгтэй зөвшөөрч байлаа. Иллюминати Ватиканыг дайсныхаа өмнө чимээгүй, гөлийсөн зангаараа байх вий хэмээн хүлээж байсан нь тодорхой. Гэтэл тэгсэнгүй. Карло Вентреска камерлинго шаггүй дайсан гэдгээ харууллаа.
Систин цогчин дотор Мортати кардинал түгшин байна. 11:15 болж байлаа. Зарим кардинал залбирал уншин, зарим нь цаг дөхөж байгааг мэдсэн бололтой гарах гарц хайн сэлгүүцнэ. Зарим нь бүр хаалга балбаж байлаа.
Гадна талд нь Шартрон дэслэгч хаалга нүдэх чимээг сонсох авч юу хийхээ мэдэхгүй алмайна. Цагаа харав. Рошер занги тушаал өгөхөөс нааш кардиналуудыг тэндээс гаргаж болохгүй гэж хатуу тушаасан билээ. Хаалга улам чанга нүдэж, тэгэх тусам Шартрон улам л тэвдэнэ. Занги мартчихсан юм биш биз дээ. Утсаар ярьснаасаа хойш, занги нэг л жигтэй аашлах болжээ.
Шартрон гар холбоогоо сугалан: «Занги аа? Шартрон ярьж байна. Цаг болчхоод, өнгөрч байх юм. Систин цогчныг онгойлгох уу?» гэв.
«Цогчныг хаалттай байлгаж бай. Би чамд тэгж тушаасан биз дээ».
«Тийм ээ, эрхэм ээ. Би зүгээр л ...»
«Зочин удахгүй ирнэ. Хэдэн хүн аваад дээшээ гарч, Папын өргөөний үүдийг хамгаал. Камерлингог гадагш нь гаргаж болохгүй шүү!»
«Өршөөгөөрэй, эрхэм ээ?»
«Та юу ойлгосонгүй вэ, дэслэгч ээ?»
«Зүгээр ээ, эрхэм ээ. Гүйцэтгэе!»
Папын өргөөнд камерлинго задгай гал ширтэн бясалгана. Надад чадал хайрла, бурхан минь! Гайхамшигт шидийг үзүүлээч. Тэгээд, гал дотроос юм ухан, энэ шөнө амьд үлдэж чадах болов уу хэмээн гайхна.
Хэсэг 110

Арван нэгэн цаг хорин гурван минут.
Витториа Гэгээн Ангелийн цайзын тагт дээр зогсон, Ром дээгүүр ширтэж, нүдэнд нь нулимс цэлэлзэнэ. Роберт Ландонд тэврүүлмээр санагдавч чадсангүй, хамаг бие нь хөдөлж ч чадахгүй, хөшчихсөн байлаа. Аавыг нь хөнөөсөн этгээд тэртээ дор үхдэл болоод хэвтэж байлаа, гэхдээ өөрөө бас хохирогч болох шахлаа.
Ландоны гар мөрөнд нь хүрэх үеэс, дулаахан амьсгал нь сэтгэлд байсан хүйтэн мөсөн цамхгийг эгшин зуур хайлуулан урсгах шиг санагдав. Халуун сэтгэл нь таатай нөмөрлөж, амин урсгал царцсан биеийг дулаацуулан эргэлдэж эхлэв. Нүднийх нь бүрэлзээ арилж, эргэж харлаа. Роберт байдгаараа нороод шолбойчихсон, өөрийг нь аврахын тулд бишгүй зовлон үзсэн шинжтэй, үхэх гэж байгаа юм шиг харагдаж байлаа.
«Баярлалаа, чамд ...» хэмээн шивнэв.
Ландон ядрангуй инээвхийлээд, чамд л ёстой талархах ёстой шүү хэмээн хариуллаа. Мөрөө мултлах чадвар нь хоёуланг нь аварчээ. Витториа нүдээ арчив. Бүсгүй түүнтэй хамт, яг тэндээ мөнх зогссон ч чадах байлаа. Даан ч амсхийх зав алга.
«Хоёулаа явах хэрэгтэй» гэж Ландон хэлэв.
Витториагийн санаа сэтгэл хаа хол байлаа. Тэр Ватикан руу ширтэнэ. Дэлхийн хамгийн жижиг улс хэтэрхий гэмээр ойрхон, хэвлэлийнхний гэрэлд цайран харагдана. Гайхалтай нь, Гэгээн Петерийн талбай дээр хүн пиг шавчихсан байлаа. Швейцар жард яг ордны өмнөх талбайд дөнгөж зуун тавь гаруйхан тохой газар -бүх талбайн гуравны нэг хүрэхгүй газраас л хүмүүсийг холдуулжээ. Аюулгүй гэгдэх газар нь бүр ч олон хүн шавж, дотор талдаа байгаа хүмүүсийг түгжиж орхино. Хэтэрхий ойрхон байлаа. Бүр хэтэрхий ойрхон.
«Би буцаад очлоо» гэж Ландон хэлэв.
Витториа эргэж хараад: «Ватикан руу юу?» гэв.
Ландон Самар хүний тухай түүнд хэлж, ямар башир арга сэдэж байгааг ч бас ярив. Өөрийгөө Янус гэж нэрлэсэн Иллюминатигийн тэргүүн камерлингог тамгалахаар биеэрээ ирж явав. Иллюминатигийн сүүлийн эгшин.
«Ватиканд хэн ч энийг мэдээгүй байгаа. Тийшээ холбогдох ямар ч арга байдаггүй, гэтэл тэр нөхөр хэзээ хэзээгүй ирэх гэж байна. Тэрийг орж ирэхээс нь өмнө, харуулуудад хэл хүргэх хэрэгтэй байна» гэж Ландон өгүүлэв.
«Чи энэ хүмүүсийн дундуур гарч чадахгүй шүү дээ».
Ландоны хоолой итгэл төгс сонсогдоно. «Гарц бий. Итгэж болно шүү».
Энэ түүхч гуай мэдэхгүй зүйлийг нь мэдэж байгаа юм байна гэдгийг Витториа ойлголоо. «Хамт явъя».
«Хэрэггүй. Хоёул хоёулаа эрсдэл рүү ...»
«Тэнд байгаа хүмүүсийг холдуулах арга бодох хэрэгтэй шүү дээ. Хэтэрхий аюултай газар байна».
Гэнэт зогсож байсан тагт нь чичирхийлж эхлэв. Чих дөжиртөл дүнгэнэн, цайз тэр чигтээ савлан ганхах шиг боллоо. Гэгээн Петерийн ордны зүгээс хурц цагаан гэрэл гялсхийн цацрав. Витториад ганц л бодол төрлөө. Бурхан минь! Антиматери цагаасаа өмнө дэлбэрчихлээ.
Гэтэл, дэлбэрэлтийн оронд талбай дээрх хүмүүс бүтд баясан уухайлав. Витториа гэрэл рүү харлаа. Талбай дээр байсан хэвлэлийнхний бүх гэрэл тэр хоёр руу чиглэнэ. Тэнд байгаа бүх хүн тэр хоёр руу харан, гараараа даллан байв. Чичирхийлсэн дуу улам чангарна. Талбай дээрх хүмүүс их л баясацгаах ажээ.
Ландон гайхан: «Юун чөтгөр нь ...»
Толгой дээгүүр нь гэнэт чих дүлийртэл дүнгэнэв.
Цамхгийн дээгүүр Папын нисдэг тэрэг дүнгэнэн гарч ирлээ. Тэр хоёрын толгой дээгүүр, тавин тохой өндөрт, Ватикан хийд рүү гэрэл даган ниснэ. Нисдэг тэрэг яг дээгүүр нь өнгөрөх эгшинд, цайз тэр чигтээ дэнжигнэн чичирлээ. Талбай дахь гэрлүүд нисдэг тэргийг даган одоход, Ландон, Витториа хоёр дахиад л харанхуйд үлдэв.
Гэгээн Петерийн талбай дээгүүр дүнгэнэн нисэхийг хараад, Витториа хоцорчхов уу даа хэмээн гэнэт айдаст автав. Багширсан олон, ордон хоёрын зайд баахан тоос бужигнуулан, нисдэг тэрэг ордны өмнөх шатны доод ирмэгт буулаа.
«Тэр гарц чинь хаана байдаг юм бэ?» гэж Витториа асуув. Ватиканаас хүний жижиг дүрс гарч ирээд, нисдэг тэрэг рүү дөхөж ирэв. Тэр хүний улаан бэрэт малгайг хараагүй бол Витториа танихааргүй байлаа. «Улаан хивсний мэндчилгээ. Рошер байна» гэв.
Ландон нударга зангидан, тагтны хашлага руу шаагаад: «Тэднийг сануулах хэрэгтэй» гээд эргэлээ.
Витториа гарыг нь татан саатуулав. «Байз даа!» Бүсгүй нүдэндээ итгэхгүй байлаа. Хуруу нь чичрэн, нисдэг тэрэг рүү заана. Хэчнээн хол байсан ч танигдахаар байлаа. Хаалга бууж өөр нэг хүн үзэгдсэн нь андуурах аргагүй ажээ. Тэр хүн суугаа байсан ч талбай дээгүүр ямар ч саадгүй, хурдан гэгч сүнгэнэн одов.
Цахим тэргэнцэртэй хаан.
Максимлиан Колэр!
Хэсэг 111

Бэлведэрагийн гудмын тансаг чимэглэлийг Колэр гайхан явна. Тэртээ унжиж байгаа алтан навч л гэхэд хорт хавдар анагаах судалгааг нэлээн хэдэн жил санхүүжүүлж чадах ажээ. Доголон хүнд зориулсан тойрог замаар Рошер - Колэрыг дагуулан, Апостоль асар рүү явлаа.
«Цахилгаан шат байхгүй юм уу?» гэж Колэр асуув.
«Цахилгааныг нь тасалчихсан юм» гэж Рошер хариулаад, харанхуй өргөөн дэх лааг заалаа. «Манай эрлийн тактикийн нэг хэсэг» гэв.
«Тэр тактик чинь ч бүтсэнгүй дээ» гэлээ.
Рошер толгой дохино.
Колэр дахин нэг удаа бүгшин ханиав. Энэ насных нь сүүлчийн ханиалга ч байж магадгүй. Гэхдээ тийм ч эвгүй бодол санагдсангүй.
Тэд хамгийн дээд давхарт гараад, Папын өргөө чиглэн явах үед, өөдөөс нь дөрвөн харуул гарч ирээд, мэгдэн харцгаана. «Занги аа. Та энд юу хийж байгаа юм бэ? Энэ хүнд байгаа мэдээлэл»
«Энэ хүн зөвхөн камерлинготой л ярьна».
Харуул гайхширч, сэжиглэнгүй харлаа.
«СЭРН-ийн захирал Максимлиан Колэр гэж хүн ирээд, уулзая гэж байна гэж камерлингод дуулга» гэж Рошер шаардангуй тушаалаа.
«Мэдлээ, эрхэм ээ!» Нэг харуул камерлингогийн өргөө рүү гүйв. Бусад нь байрандаа үлдээд Рошерийг сэжиглэнгүй ажна. «Түр хүлээнэ үү, занги аа. Таны зочинд мэдэгдэнэ ээ».
Колэр зогссонгүй. Гэнэт огцом эргээд, тэргэнцрээ жолоодон, харуулын хажуугаар гарах гэж оролдов.
Харуулууд дагаж эргээд, түүнийг даган гүйв. «Fermati! Эрхэм ээ! Зогс!»
Колэр тэднийг төвөгшөөв. Дэлхийн хамгийн шилмэл аюулгүйн хүчин хүртэл энэ тахир дутуу хүнийг хөндөлдөж чадахгүй байлаа.
Колэр эрүүл хүн байсан бол харуулууд түүнийг нухаад хаячих байв. Тахир дутуу хүмүүс чадалгүй гэж эд боддог юм, тэгж бодож байвал надад л сайн биз.
Колэр, ажлаа дуусгахад нь хэтэрхий бага хугацаа үлдээд байгааг мэдэж байлаа. Энэ шөнө энд үхэж магадгүйгээ ч мэдэж байлаа. Тэр ямар анзааргагүй байснаа өөрөө ч гайхаж байв. Үхэл гэдэг үүнийхээ төлөө төлж болох л үнэ ажээ. Вентреска камерлинго мэтээр хийсэн ажлаа устгуулъя гэхэд харамсмаар ихийг бүтээжээ.
«Эрхэм ээ!» гэж харуулууд хашхиралдан гүйцэж ирмэгцээ, өмнүүр нь хөндөлдөн жагсаад: «Та зогс!»гэлээ. Нэг нь буугаа шүүрэн, Колэр рүү онилов.
Колэр зогслоо.
Рошер араас нь гүйцэж ирээд: «Колэр гуай, та тогтож айлд. Хэдхэн л хором болох байх. Папын өргөөнд хэн ч дайрч орж болдоггүй юм» гэлээ.
Колэр Рошерийн харцаас хүлээхээс өөр арга үгүй юм байна гэдгийг ухаарлаа. За, за, хүлээхээс дээ.
Хана дүүрэн урт гэгч толины өмнө ширүүн дүртэй харуулууд Колэрийг зогсоожээ. Өөрийнх нь толинд сарнисан дүрс түүнийг цочоов. Эртний хонзон санагдан оргилно. Энэ хонзон түүнд эрч хүч өгнө. Тэр дайснуудынхаа дунд байлаа. Энэ хүмүүс нэр төрийг нь дээрэмдсэн. Энэ л хүмүүс шүү дээ. Энэ хүмүүсийн л гайгаар эм хүний амтыг тэр хэзээ ч үзээгүй, дурыг нь татахаар өндөр зогсож үзсэнгүй. Ямар үнэнийг эд мэддэг гэж? Ямар нотолгоо тэрэнд нь байгаа юм бэ? Үлгэр дүүрэн хуучны ном л биз. Ид шид эргэж ирнэ гэж ярьдаг билүү? Гэтэл эрдмийн шимээр ид шидийг өдөр бүр бүтээж байна шүү дээ.
Колэр хэсэг өөрийнхөө хүйтэн нүд рүү ширтлээ. Шашны гарт өнөө шөнө үхэж магадгүй л юм хэмээн бодолхийлнэ. Гэхдээ ямар эхний удаа нь ч энэ биш дээ.
Колэр хүүхэд насныхаа хамгийн хүнд үе рүү хэсэг зуур уусан одов. Франкфурт дахь том байшиндаа арван нэгтэй жаал хүү өвчиндөө шаналан хэвтэж, эцэг эх хоёр нь хажууд нь сууна. Дэвсгэр даавуу нь Европын хамгийн шилдэг бүтээгдэхүүн боловч хүүгийн хөлсөн дэвтжээ. Өвчин Макс хүүгийн биеийг галаар төөнөж байгаа мэт хэмлэнэ. Хүүгийн орны хажууд, аав ээж хоёр нь яг хоёр дахь хоногтоо хөдлөлгүй, сөхрөн суужээ. Тэр хоёр бурханд мөргөж байлаа.
Франкфуртын хамгийн сайн гэх гурван эмч сүүдэрт сүүмэлзэнэ.
«Дахин бодож үзээч, та хоёр!» гэж нэг нь тэсэлгүй зандран:
«Хүүгээ хараач! Халуун нь нэмэгдээд байна. Өвдөж шаналж байна. Үхэх нь байна шүү дээ!» гэв.
Ээж нь дуугарахаас өмнө юу гэж хэлэхийг нь Макс хүү гадарлаж байлаа. «Gott wird ihn beschuetzen (Бурхан түүнийг минь хамгаална. Гер.)».
Тийм ээ. Бурхан намайг хамгаална хэмээн Макс бодно. Ээжийнх нь үг улам ч бат нот сонсогдоно. Бурхан намайг хамгаална.
Цагийн дараа, Макс хүүгийн бие хүнд даацын машинд дайруулчихсан юм шиг үе мөч болгоноороо шархирч өвдлөө. Уйлж ч чадахгүй, амьсгалж ч чадахгүй байв.
«Хүү чинь шаналж байна шүү дээ» гэж өөр нэг эмч үглэн: «Ядаж өвдөлтийг нь намжаая л даа. Надад тариа байна, ганц л удаа...» гэтэл «Ruhe, bitte! (Чимээгүй бай, гуйя. Гер.)» хэмээн аав нь нүдээ ч нээлгүй хэлэн тэр эмчийн үгийг таслав. Тэгээд мөргөлөө үргэлжлүүлнэ.
«Аав аа, гуйя л даа» гэж Макс уйлан: «Эмч энэ өвдөлтийг л дараад өгчхөг л дөө» гэж гуймаар санагдсан ч ханиалга нь тэр үгийг амнаас нь унагасангүй.
Цагийн дараа өвдөлт бүр нэмэгдлээ.
«Хүү чинь тахир дутуу ч болж магадгүй» гэж нэг эмч хэлээд «Эсвэл үхэж ч магадгүй. Эм өгвөл нэмэр болно шүү дээ» гэж эмч нарын нэг нь бувтнав.
Колэрын аав ээж хоёр зөвшөөрсөнгүй. Тэд эмнэлэгт итгэдэггүй байлаа. Эмч гэдэг бурхны төлөвлөгөөг тасалдуулах хэн юм бэ? Тэд улам хичээн мөргөнө. Бурхан энэ хүүг тэдэнд хайрласан мөртөө яалаа гэж буцаагаад аваад явах билээ дээ. Ээж нь Максыг хүчтэй байгаарай гэж захина. Авраамын итгэлийг бурхан шалгасан тухай Библьд бичсэн байдаг шүү дээ, яг л тэрэн шиг чамайг бас шалгаж байгаа юм шүү гэнэ.
Макс сүсэгтэй байх гэж хичээсэн ч бие нь тэсэхийн аргагүй өвдөж байлаа.
«Би ингэж байж чадахгүй нь» хэмээн нэг эмч нь хэлээд, өрөөнөөс гарч гүйлээ.
Үүр гэгээрэхийн үед, Макс ухаангүй шахуу байлаа. Булчин шөрмөс нэг бүр нь задрах мэт өвдөнө. Намайг ингэж зовж байхад, Есүс хаана байна вэ? Есүс надад хайргүй юм болов уу? хэмээн хүү бодно.
Ээж нь гараа хүүгийнхээ хөнжил дээр тавиад, суугаагаараа дугхийчихжээ. Аав нь өрөөний цаана цонхоор тусах үүрийн гэгээнд бясалгаж зогсоно. Аврал гуйсан залбирал нь дүнгэнэн сонсогдоно.
Максын дээр ямар нэг юм нисч явахыг харав. Ангель уу даа? Макс тодорхой харж чадахгүй байлаа. Нүд нь аниатай байв. Тэр дүрс чихэнд нь юм хэлэхийг чагнавал ангель лав биш ажээ. Энэ бол дэргэдээс салалгүй хоёр өдөр сахиж суусан, Англиас ирсэн шинэ тариа хэрэглэе гэж аав ээж хоёрыг нь цөхөртлөө гуйсан тэр эмч байлаа.
«Би одоо энийг л хийхгүй бол өөрийгөө л лав хэзээ ч уучлахгүй» гэж тэр шивнээд, Максын туниагүй гарыг эвлэг зөөлөн татлаа. «Хурдхан л хийчихье».
Макс багахан хатгахыг мэдэрсэн ч өвдөж байгаатай нь харьцуулахад юу ч биш байлаа.
Эмч тариагаа сэмхэн хураагаад, гарахынхаа өмнө Максын духан дээр нь гараа тавиад: «Энэ чамайг аварна. Би Анагаах ухаанд итгэдэг» гэлээ.
Хэдхэн хормын дараа ямар нэг шидэт шингэн венийх нь судсыг даган гүйхийг Макс мэдэрлээ. Тэр дулаахан, зөөлхөн гүйдэл өвчнийг намнан, бүх биеэр нь таатайхан тарж байв. Тэгээд, хэд хэдэн өдрийн турш сэхээгүй өвдсөн Макс анх удаагаа тавтай сайхан нойрслоо.
Халуун буух үед, аав ээж хоёр нь бурхны ач хэмээн баясацгаасан сан. Гэвч хүү нь өрөөл татуу болсныг мэдээд, тэд үнэхээр гутарч, хүүгээ тэргэнцэртэй нь түрээд сүм рүү очиж, гэлэнтэй уулзсан билээ.
Гэлэн тэдэнд: «Бурхан авралаар л танай хүү амь гарчээ» гэж билээ.
Макс сонсож байсан ч дуугүй л байлаа.
«Гэхдээ хүү минь алхаж явж чадахгүй шүү дээ» гэж Колэр авгай хэлэхэд нь гэлэн толгой дохиод: «Хүүг хангалттай сүсэглэж чадсангүй гэж бурхан гэсгээсэн нь энэ юм байлгүй дээ» гэж билээ.
«Колэр гуай» хэмээн нэгэн харуул гүйн ирж: «Камерлинго таныг бараалхахыг зөвшөөрч байна» гэлээ.
Колэр тэргэнцрээ эргүүлэн гудмаар хурдална.
«Таныг ирсэн гэсэн чинь их л гайхаж байна лээ» гэж залуу үглэн дагав.
«Тэгэх ч байх гэж бодсон юм. Залуу минь, би камерлинготой ганцаараа уулзмаар байна» гэж Колэр хэлэв.
«Болохгүй шүү дээ, хэн ч өмнө нь ...» хэмээн харуулыг хэлтэл, Рошер үгийг нь таслан: «Дэслэгч ээ! Колэр гуай хүссэнээрээ л бараалхах болно» хэмээн зандарлаа.
Харуул үл итгэсэн байртай харсаар үлдэв.
Рошерийн зөвшөөрснөөр харуулууд Папын өргөөний хаалган дээр жишиг болсон аюулгүйн үзлэгээ хийлээ. Тэд металл илрүүлэгч бариад, цахим тоногоор дүүрсэн Колэрын тэргэнцэрт ёс төдий дэмий хайлт хийлээ. Тахир дутуу хүнийг зохих ёсоор шалгаж тэртээ тэргүй болохгүй байв. Тэргэнцрээс нь буу зэвсэг олсонгүй. Колэр энэ оройн бүх хэргийг нэг тийш нь шийдэх санаатай авч явсан тэр зэвсгийг нь ч салгаж авсангүй.
Колэрыг Папын өргөөнд ороход, Вентреска камерлинго бөхөж буй галын дэргэдэх залбирлын буланд сөхрөн сууж байлаа. Нүдээ ч нээсэнгүй.
«Колэр гуай! Та намайг золигт гаргахаар ирэв үү?» гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 2:43 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Duusah bas l boloogui bna daa. Odoo barag 100 nuur uldsen bna. Ene 7 honogtoo bagtaal duusah ni dee

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 2:58 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Колер янус байсан юм байнашдээ тэгээд яагаад ландонийг дуудсийн болоо


Top
   
PostPosted: Apr.20.15 3:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
||someone|| wrote:
... Nom ingeed duustsiishd. Tsaashaa yu bolohow dee


:wd:


Top
   
PostPosted: Apr.20.15 3:26 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 684
еэ чөтгөр гэж...тэр муу тахир дутууг гэж ерөөсөө бодсонгүй , гэхдээ СЭРН-ийг иллюминити гэж Ландон сэжиглээд яриад байлуу, Колер антиматерийг яаж мэдэвэээ маш нууц байдалд хийж байсан ш дээ, за баярлалаа найз аа, гялалзаарай


Top
   
PostPosted: Apr.20.15 3:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Янзын юм аа. Колер ч тэр, Камерлинго ч тэр айхтар хүмүүс байна шүү. Энэ Рошер чинь бас иллюминист юм байна дөө. Дараагийнхыг нь хүлээгээд л хүлээгээд л суужие даа.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.20.15 4:58 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.20.15 4:54 pm
Posts: 17
Үнэхээр сонирхолтой ном юмаа. Нэг уншаад эхэлчихвэл эргэн тойрноо мартаад үйл явдалд нь ороол явчих юм... Энэ камерлинго чин харин яаж мэдчихвээ. "Золигт гаргах" гэж байгааг бодоход нэг тал байсын болуу?


Top
   
PostPosted: Apr.20.15 6:03 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Хэсэг 112

Ватикан хийд рүү яаран яваа Ландон, Витториа хоёрын өмнө Il Passeto гэх хонгил сунан үргэлжилнэ. Ландоны гартаа барьсан бамбар өмнөх хэдхэн алхмыг л гийгүүлэх ажээ. Хонгилын хоёр талаасаа, бас дээрээсээ тун давчуу.
Хүйтэн, бас эвгүй үнэртэнэ. Ландон түнэр харанхуй руу тэмүүлэн, Витториа мөр даран, ард нь гүйнэ.
Ландоны толгойд нь Колэр, Янус, хассассин, Рошерийн царай... бас зургаа дах тэмдэг ээлжлэн солигдоно. Чи зургаа дахь тэмдгийн тухай сонссон нь лавтай. Энэ бол хамгийн гайхалтай нь шүү хэмээн хассассин хэлж байсан нь цуурайтна. Үгүй гэдгээ Ландон маш сайн мэдэж байлаа. Бүр сэрдэх онолууд ч зургаа дахь тэмдгийн тухай дурдаагүй билээ. Алтан гулдмай, Иллюминатигийн Очирын тухай ярьдгаас биш, зургаа дахь тэмдгийн тухай огт дурддаггүй дэг.
«Колэр Янус байж таарахгүй. Ёстой тийм байж болохгүй» гэж Витториа харанхуйд гүйж явснаа хэлэв.
Тийм байж болохгүй гэдэг үгийг хэлж болдоггүй юм байна гэдгийг Ландон энэ шөнө голдоо ортол ухаарчээ. «Мэдэхгүй юм даа» гэж гүйт дундуур хашхиран: «Колэр ч жаахан дурамжхан байсан, бас түүнд шалтгаан байж болох л юм».
«Энэ бүхэн СЭРН-ийг мангас шиг болгож байна. Колэр хэзээ ч СЭРН-ий нэрэнд сэв суулгах юм хийхгүй дээ».
Иллюминати энэ самууныг хүмүүсийн нүдэнд дэлгэх гэж оролдохдоо, СЭРН-ийг татан, хүн бүхэн СЭРН-ийг харааж байлаа. Гэхдээ СЭРН хэр хохирсон бол? Шашныхан СЭРН-ийг шүүмжлэх бол байдаг л зүйл. Ландон бодох тусам энэ үймээнээс хамгийн их хожиж байгаа нь СЭРН л байлаа. Хэрвээ шуугиант мэдээг тоглоом гэвэл хожлын хөзөр нь антиматери мөн. Бүх ертөнц энэ тухай л ярьж байлаа.
«Барнум гэгч шоу зохион байгуулагч юу гэж хэлснийг мэдэх үү?» гэж Ландон мөрөн дээгүүрээ Витториа руу харан хэлснээ: «Миний тухай юу ярих чинь хамаагүй, харин нэрийг минь л зөв хэлж бай гэсэн юм» гэлээ. Хүмүүс антиматерийн лицензэд оочирлоод зогсож байгаа байх шүү. Ялангуяа энэ шөнө ямар чадалтайг нь харсны дараа ч...
«Үгүй дээ» гэж Витториа хэлэв. «Эрдмийн нээлтийг сурталчилна гэдэг чинь устгах чадлыг нь гайхуулна гэсэн үг биш. Энэ бол харин ч болохгүй зүйл. Нээрэн шүү!»
Ландоны бамбар бөхөж эхлэв. «Тэгвэл бүр энгийн байж болох юм. Колэр магадгүй буруу тооцоолоод — Иллюминатигийн сүр хүчийг харуулахгүйн тулд Ватикан амаа хамхиад, ийм зэвсэг байгааг зөвшөөрөхгүй гэж бодсон биз. Гэтэл камерлинго гарч ирээд, хамаг юмыг өөрчилж орхихгүй юу.»
Витториа чимээгүй гүйсээр.
Энэ сценарь бүр ч боломжтой санагдаад явчхав. Ландон өгүүлрүүн: «Тийм шүү! Колэр камерлингог тэгнэ гэж огт бодоогүй байж таарна. Тэгсэн, камерлинго Ватиканы юмыг хав дардаг уламжлалыг эвдээд, олонд дэлгэчихсэн. Бүр бүгдийг нь дэлгэчихсэн. Тэгээд бүр антиматерийг зурагтын дэлгэцээр цацчихдаг. Ийм гайхалтай хариу барина гэж Колэр зүүдлээ ч үгүй байж л дээ. Хамгийн хачирхалтай нь, Иллюминатигийн энэ дайралт, эргээд өөрсдийг нь эвгүй байдалд оруулчихжээ. Тэгээд бүр очиж очиж камерлингог шашны шинэ тэргүүн болгож орхихгүй юу. Аргаа барсан Колэр одоо түүнийг цааш нь харуулах хэрэгтэй болчихлоо».
«Макс новшийн амьтан, гэхдээ алуурчин биш» гэж Витториа хэлэв. «Тэгээд, хэзээ ч аавыг минь хөнөөх хэрэгт оролцохгүй байсан» гэлээ.
Колэр өөрөө энэ асуултад нь хариулж байгаа мэт Ландонд санагдав. Леонардог СЭРН-ий олон хүн аюултай гэж боддог байсан. Шашин, эрдэм хоёрыг нийлүүлэх нь дэндүү утгагүй хэрэг. «Колэр нэлээн өмнө нь антиматерийн тухай олж мэдээд, түүний шашны үр нөлөөг нь таашаагаагүй байж болох л юм».
«Аавыг минь үүний төлөө л хөнөөсөн гэж үү? Утгагүй юм. Тэгээд ч, Колэр ийм төсөл байгаа гэдгийг хэзээ ч мэдэж чадахгүй байсан».
«Чамайг байхгүй хойгуур аав чинь Колэртай яах тухай зөвлөх гэж энэ нууцаа задалсан ч юм билүү. Чи өөрөө аав чинь ийм аймшигтай зэвсэг хийснийхээ ёс суртахууны үр нөлөөнд эргэлзэж байсан гээ биз дээ?»
«Очиж очиж Колэртой ёс суртахууны үр нөлөөний тухай ярина гэнэ ээ? Үгүй байлгүй дээ» гэж Витториа унтууцав.
Хонгил барууншаа бага зэрэг хазайв. Хурдан гүйх тусам бамбар бөхнө. Энэ унтарчихвал яана гэж Ландон бодов. Тас харанхуй л болно доо.
«Түүнээс гадна, Колэр энэ бүхний ард байсан юм бол өнөө өглөө чам руу утастаж яах юм бэ?» гэж Витториа асуулаа.
Ландон энэ тухай бодсон байжээ. «Намайг дуудсанаараа, өөрийгөө гэмгүй гэдгийг л харуулахгүй юу. Ийм юм болж байхад зүгээр сууж байсан гэж түүнийг хэн ч зэмлэж чадахгүй шүү дээ. Гэхдээ, энэ хүртэл явахын чинээ санаагүй байх л даа».
Колэрт ашиглуулсан гэж бодоход, Ландонд эвгүй байлаа. Ландон энэ явдалд оролцсоноороо Иллюминатийг улам бодитой болгожээ. Түүний ном, өгүүлэл нь өнөө шөнөжингөө хэвлэлээр яригдаж, инээдтэй ч гэсэн, Харвардын энэ багш энд гүйж явсан нь дэлхийн бүх сэрдэх онолчдын сэжиг, таамгийг өрдөн, Иллюминати нөхөрлөл түүхийн дурсгал биш, амьд хүч гэдгийн нотолгоо болж байлаа.
«ВВС-ийн тэр сурвалжлагч СЭРН-ийг Иллюминатигийн шинэ ноохой гэсэн гэнэ» гэж Ландон хэлэв.
«Юу гэнэ ээ?» гэж Витториа хашхирав. Ард нь зогтусах шиг болж гар нь суларсан ч дахин гүйж байгаа бололтой.»Тэгж хэлээ юу?»
«Зурагтаар шүү. Тэр эртний аймшигт нөхөрлөлийг өөрөө ч мэдэлгүй орогнуулсан гэмгүй байгууллага, яг л масоны лож шиг гэсэн гэнэ».
«Бурхан минь. Энэ ч СЭРН-ийг үгүй хийнэ шүү».
Ландон харин тэгж бодсонгүй. Ямартай ч гэсэн энэ хэтэрхий худлаа биш байлаа. СЭРН бол эрдэм, судалгааны өлгий болсон газар. Дэлхийн хамгийн том судлаачдын орон гэр. Мөнгө булаг шиг л ундарна. Тэгээд ч Максимлиан Колэр захирал нь билээ».
Колэр бол Янус.
«Хэрвээ Колэр үүнд хамаагүй юм бол энд юугаа хийж яваа юм бэ?» гэж Ландон лавшруулав.
«Энэ самуурлыг зогсоох гэж л яваа байх. Дэмжлэг үзүүлэх гэж. Нээрэнгээсээ Самар хүн болох гэж. Антиматери төслийн тухай хэн мэдэж байсныг мэдээд, мэдээллээ хуваалцах гэж ирсэн ч байж болно шүү дээ».
«Тэрийг камерлингог тамгалах гэж ирж яваа гэж алуурчин хэлсэн шүү».
«Бодооч дээ! Энэ чинь амиа хорлохтой адил шүү дээ. Макс эндээс амьд гарч чадахгүй шүү дээ».
Чухам үүнийг л тэр хүссэн ч юм билүү гэж Ландон бодно.
Төмөр хаалга тэртээ дүнсийнэ. Ландоны зүрх зогсох шахав. Тэр хоёрыг дөхөж ирэхэд цоож нь уначихсан байж таарч, хаалга нь ч амархан онгойж орхилоо.
Ландон санаа амран, яг л бодож байснаараа энэ хонгилыг ашигладаг юм байна гэдгийг харлаа. Тун саяхан, дөнгөж өнөөдөр ашигласан бололтой. Чухам энэ хонгилоор л дөрвөн кардиналыг хулгайлан авч явсан гэдэг бараг л эргэлзээгүй байлаа.
Тэд гүйсээр. Ландон баруун талд нь үймэн шуугих чимээ сонсов. Гэгээн Петерийн талбайд байгаа хүмүүс бололтой. Нэлээн дөхжээ.
Дахиад нэг хаалга тааралдав. Бас л цоожгүй ажээ. Гэгээн Петерийн талбай дээрх шуугиан ард нь алслахын үеэс, Ландон Ватиканы хэрмэн дотор орсноо гадарлав. Ватиканы яг хаана нь энэ хонгил хүрдэг юм бол гэж дотроо гайхна. Цэцэрлэг үү? Ордонд юм болов уу? Папын өргөөнд юм болов уу?
Гэнэт хонгил дуусчхав.
Төмөр ширээж хийсэн хүнд том хана өмнө нь лаглайна. Бөхөж буй бамбарын гэрэлд тэр хана бариул ч үгүй, товч ч үгүй, түлхүүрийн ч нүхгүй, нугас ч үгүй, юу ч үгүй харагдана.
Тэр гэнэт сандарлаа. Архитектурчид ийм ханыг senza chiave- ганц талын гарц гэдэг агаад нууц зам, хонгилд хэрэглэж, зөвхөн гадна талаасаа, цаад талаасаа онгойхоор хийдэг байна. Ландоны найдвар нь гарт нь байсан бамбартай хамт унтарчхав.
Цагаа харвал, Микки инээмсэглэн, 11:29 хэмээн зааж байв.
Унтууцсан Ландон бамбараа шидчихээд, гараараа хаалгыг нүдэж эхэллээ.
Хэсэг 113

Нэг юм болохгүй байгаа нь илт.
Шартрон дэслэгч Папын өргөөний хаалган дээр зогсоод, хамт байгаа дайчдынхаа эвгүйцэж байгааг бас мэдрэн жихүүцнэ. Рошерийн хэлснээр тэдний хамгаалж байгаа энэ нууцлаг уулзалт Ватиканыг сүйрлээс аврах ажээ. Гэхдээ л Шартроны совин татаад байв. Рошер яагаад муухай аашлаад байгаа юм бол?
Нэг юм болохгүй байгаа нь илт байлаа.
Шартроны баруун талд зогсох Рошер яг урагшаа алсын алс руу гөлөрнө. Занги ерөөсөө ийм байдаггүй болохоор танихгүй хүн шиг санагдана. Цагийн өмнөөс Рошер Рошер биш болчихсон байв. Ярьсан, хэлсэн нь утгагүй байлаа.
Энэ уулзалтад хажууд нь нэг хүн заавал байх ёстой доо! Максимлиан Колэр ороод хаалгаа дотроос нь түгжихийг тэр сонссон билээ. Рошер яагаад ингэхийг зөвшөөрсөн юм бол?
Шартроны санааг зовоосон өөр олон зүйл байлаа. Кардиналууд. Тэд цогчин дотор цоожтой хэвээрээ байгаа. Солиотой юм. Камерлингогийн тушааснаар бол арван таван минутын өмнө тэднийг тэндээс гаргах ёстой байсан шүү дээ. Рошер камерлингод мэдэгдэлгүй тушаалыг нь зөрчжээ. Шартрон сануулсан боловч Рошер золтой л толгойг нь авчхаагүй. Шатлан захирах дарааллыг Швейцар жард зөрчиж байсан удаагүй, Рошер одоо хамгийн том захирагч байлаа.
Хагас цаг үлдлээ хэмээн, Рошер яаран танхимыг бүдэгхэн гийгүүлэх лааны гэрэлд цагаа шалгав. За хурдлаач дээ.
Энэ хаалганы цаана юу ярьж байгааг сонсох сон гэж Шартрон бодно. Энэ самуурлын үед камерлингогоос өөр зохион байгуулж байгаа этгээд байхгүй байлаа. Энэ хүн өнөө шөнө том шалгууртай тулж байгаа ч нугарсангүй. Асуудал бүхэнтэй итгэлтэй, шаргуу, бүхэнд үлгэр болохуйц гялалзан тулж байв. Шартрон католик шүтлэгээрээ бахдаж байв. Вентреска камерлинготой тулснаараа Иллюминати алдаа хийжээ.
Шартроны бодлыг нэгэн жигтэй чимээ тасалдуулав. Түн түн хийнэ. Чимээ энэ гудмын доороос гарч байв. Цохих чимээ чанга, гэхдээ бөглүү сонсогдоно. Рошер эргэж харав. Занги Шартрон руу дохиж, доошоогоо очихыг зангав. Залуу гар чийдэнгээ барьсаар юу дуугараад байгааг шалгахаар одлоо.
Маш хүчтэй цохилж байв. Шартрон доош уулзвар руу гүйн очлоо. Чимээ булангийн цаана Сала Клентинагийн араас гарах шиг. Тэнд ганцхан Папын хувийн номын сан л байдаг билээ. Дээрхийн гэгээний номын санг таалал төгссөнөөс нь хойш түгжсэн сэн. Тэнд хэн ч байх учиргүй.
Шартрон урагш гүйж, нэг уудам хонгил өнгөрөөд, дахин нэг булан тойрч, номын сангийн хаалга дээр ирлээ. Том модон хаалганы дэргэд хүн бараг жижиг харагдах агаад, хаалга эгээ л харуул шиг дүнсийнэ. Дотор талаас нь, нэлээн бөглүү алсад нүдэж байв. Шартрон тээнэгэлзсэн зогсоно. Тэр энд орж үзээгүй байв. Ер нь тоотой хэдэн хүн ордог, гэхдээ Папыг дагаж л ордог байлаа.
Шартрон тээнэглэзэнгүй хаалгын бариулыг атган дарав. Бодсончилон, цоожтой байлаа. Чихээ түлхүүрийн нүхэн дээр тавив. Ямар нэг юм нүдэх чимээ илүү тод сонсогдоно. Бас өөр юм ч сонсов. Хүний дуу. Хэн нэг нь хашгирч байлаа.
Тэр юу гэж байгааг нь сонсоогүй ч тэвдсэн дуу байгааг гарцаагүй сонслоо. Нэг хүн энэ дотор түгжигдчихсэн юм болов уу? Швейцар жард хариуцлага алдсан байх нь дээ. Шартрон эргэж очоод, Рошерт илтгэдэг юм уу гэж нэг бодсоноо: «За тэгж ч яах билээ дээ» гээд шийдлээ. Шартрон шийдвэр гаргаж сурсан нэгэн бөгөөд шийдвэрээ ч гаргалаа. Буугаа гаргаж ирээд, цоож руу онилон, гохоо дарав. Хаалганы түгжээ зад үсэрч, саван онгойв.
Босгоны цаана пад харанхуй. Тэр гар чийдэнгээрээ гэрэлтүүлэв. Дөрвөлжин өрөө байх агаад дорнын хивс, өндөр гэгч царсан тавиур дээр ном дүүртэл өржээ. Арьсан буйдангийн хажууд гантиг ил зуух байна. Гурван мянган эртний судар эгнэн, орчин үеийн сонин, сэтгүүлийн нэн шинэ дугаар, Дээрхийн гэгээний хүссэн бүхэн энд байдаг гэж тэр сонсож байсан билээ. Эрдмийн төдийгүй улс төрийн сэтгүүлээр цайны намхан ширээ дүүрчээ.
Нүдэх чимээ илүү тод сонсогдож байлаа. Тэр чимээний зүг Шартрон гэрлээ тусган өрөөний алс булан руу харав. Эсрэг хананд нь, явган ширээний цаана, том төмөр хаалга байх ажээ. Ёстой л хана шиг бат нот дүнсийнэ. Том гэгч дөрвөн цоож өлгөжээ. Тотго дээр жижигхэн бичиг байлаа.
Il Passeto
Шартрон алмайрна. Пап оргоход зориулсан гарц! Шартрон il pas-seto-ийн тухай сонсож байсан, бүр энд хувийн номын санд нь үүд нь байдаг гэж ч сонсож байсан боловч зуун зууны туршид хэн ч ашиглаж байгаагүйг мэдэх билээ. Цаад талаас нь хэн нүдэж байдаг билээ?
Шартрон гэрэл тусган, хаалга ойртлоо. Цаад талд цөхөрсөн бололтой чимээгүй болов. Тэгснээ, цохихоо болиод, хашхирч байгаа нь сонсогдоно. Энэ том төмрийн араас үгийг нь арай гэж дуулав.
... Колэр ... худлаа хэлж... камерлинго ...
«Хэн бэ?» гэж Шартрон зандрав.
«..эрт Ландон, Витториа Ве...»
Шартрон сонсоод, мэлрэн гайхав. Та нарыг чинь үхсэн л гэж бодсон шүү дээ!.
«... хаалга» гэж бөглүү хоолой «онгойл... ээ» гэж хашхирлаа.
Шартрон нүсэр том хаалгыг харвал онгойлгохын тулд тэсрэх бөмбөг хэрэгтэйг ухаарлаа. «Болохгүй нь ээ! Хэтэрхий зузаан юм байна.»
«... уулзалт... боль ... эрлинго ... аюул...»
Шартрон олон аюулыг тайван туулж байсан туршлагатай ч сүүлийн хэдэн үгийг сонсоод тэвдэхгүй байж чадсангүй. Зөв сонссон байгаа даа? Зүрх нь дэлссээр Шатрон өргөө рүү эргэлээ. Тэгснээ гэнэт зогтусан эргэж харав. Харц нь хаалган дээр ... тусч, хүмүүсийн хэлсэн тэр үгээс илүү жигтэй юм тэр харлаа... Хаалгыг түгжсэн цоож болгоны нүхнээс түлхүүр нь цухуйх ажээ. Түлхүүр нь эндээ байсан юм уу? Итгэж чадахгүй нүдээ завчлан мэлэрнэ. Энэ түлхүүрүүд аль нэг шүүгээнд байх ёстой! Энэ хаалгыг хэдэн зууны турш огт онгойлгоогүй шүү дээ!
Шартрон гар чийдэнгээ газар тавиад нэг түлхүүрийг нь барин эргүүлэв. Гацангуй янзтай, их л хатуу байлаа, гэхдээ л эргэж байв. Энийг саяхан онгойлгосон бололтой. Дараагийнх нь түлхүүрийг эргүүлэв. Сүүлийн цоожийг эргүүлсний дараа Шартрон хүчлэн татлаа. Нүсэр хүнд хаалга хяхран онгойв. Залуу гар чийдэнгээ дотогш нь тусгалаа.
Роберт Ландон, Витториа Ветра хоёр номын сан руу ороход, ёстой сүнс сүг шиг харагдаж байв. Ядарч, туйлдаад цонхийчихсон, амьтай голтой хоёр юм байлаа.
«Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Та хоёр хаанаас ирээ вэ?» хэмээн Шартрон хэлмэн асуув.
«Макс Колэр хаана байна?» гэж Ландон хариу асууна.
Шартрон дээшээ зааж: «Камерлинготой хоёулханаа уулз...» гэтэл Ландон, Витториа хоёр түүнийг түлхчхээд, харанхуй руу гүйн одлоо. Шартрон зөнгөөрөө буугаа сугалан араас нь онилонгуутаа больж, араас нь шогшив. Рошер тэднийг гүйн ирэхийг сонссон бололтой, хөлөө алцайж зогсоод, буугаа шагайн «Alt! (Зогс. ита)» хэмээн зандрав.
«Камерлинго аюулд ороод байна» хэмээн Ландон гараа өргөн, хурдаа хасан очихдоо хашхирлаа. «Хаалгаа онгойлго! Макс Колэр камерлингог алах гэж байна» гэв.
Рошер ууртай яа ширвэв.
«Хаалгаа онгойлгооч ээ! Бушуулаач» гэж Витториа хэллээ.
Хожимджээ.
Дотор нэг хүн орь дуу тавин хашхирлаа. Камерлингогийн дуу байв.
Хэсэг 114

Ирүүл тулаан удсангүй.
Шартрон Рошерийн хажуугаар дайрч, Папын өргөөний хаалгыг буудан, савж ороход, Вентреска камерлинго ёолон орилсон хэвээр байлаа. Харуулуудын араас Ландон, Витториа хоёр ч орлоо.
Байдал нүд далдирам байв.
Лааны гэрэл, бөхөж буй галын цог л өрөөг гэрэлтүүлж байлаа. Колэр ил зуухын өмнө тэргэнцрээсээ босоод хачин зогсчихсон, гартаа буу бариад, өвчиндөө тарчлан хөл доор нь хэвтэх камерлинго руу чиглүүлчихсэн байх ажээ. Камерлингогийн хар дээлийн энгэр нь урагдчихсан, нүцгэн цагаан цээжин дээр нь нэг юм харлана. Ландон өрөөний нөгөө захаас тэр тэмдгийг тодорхой харсангүй, харин Колэрын дэргэд том, дөрвөлжин тамга хэвтэж байв. Тамга улайсан хэвээрээ байлаа.
Швейцар хоёр харуул шууд л буугаа шүүрч аваад гал нээв. Сум Колэрын цээжийг нэвтлэн орж, хүчинд нь хөөрхий тахир дутуу эр тэргэнцэр дээрээ савж унана. Хэнхдэг нь хүржигнэн цусанд будагдав. Гарт нь байсан буу шалан дээгүүр гулсан одлоо.
Ландон үүдэн дээр мэлэрнэ.
Витториа алмайран: «Макс ...» гэж дуудах гэсэн ч, нэр нь хоолой дээр нь ирээд гацчихав.
Камерлинго шалан дээр тэлчлэн, нэг хөрвөөд, Рошер руу долоовор хуруугаараа заан «Иллюминатус!» хэмээн чөтгөр харсан мэт загзайтал хашхирлаа.
«Чи муу гөлөг! Гэгээн дүр эсгэсэн зулбасга!» хэмээн Рошер ханцуй шамлан, давшлав.
Шартрон зөнгөөрөө буугаа сугалан, Рошерийн араас нуруунд нь гурван сум зоолоо. Занги нүүрээрээ газар шаан унангаа, эрчиндээ шалан дээгүүр цусаа гоожуулан хэсэг гулсаад зогслоо. Шартрон харуулуудаа дагуулан өвчиндөө гингэнэх камерлингогийн зүг туслаар гүйн очив.
Хоёр харуул очоод, камерлингогийн цээжийг сөхөн хармагцаа дуу алдав. Нэг нь тамгыг хармагцаа урвуу харуулан дахиж уншаад, агдганан хашхирч, арагш нэг алхам ухарлаа. Шартрон ч тэр түлэгдсэн тамгыг хараад жихүүцэн, цээжийг нь хар дээлийнх нь уранхайгаар зөөлөн халхаллаа.
Ландон өрөөгөөр алхан, аллага таллага, хүүр цогцсон дундуур зүтгэн юу болоод байгааг ухаарах гэж оролдон алхална. Тахир дутуу эрдэмтэн Ватикан руу нисч ирээд, шашны хамгийн том эрхтэнг тамгалж, зорьсон хэргээ гүйцээжээ. Зарим үйлсийн төлөө амь хайрангүй байдаг юм гэж хассассин хэлж байж билээ. Ийм зэрэмдэг хүн яаж эрүүл чийрэг камерлингог дийлж чадав аа? Колэр гартаа буутай байсан л даа. Яаж хийсэн нь хамаагүй, ямартай ч Колэр санаснаа гүйцээлээ.
Харуулууд камерлингод тусалж байх зуур Ландон Колэрын тэргэнцрийн хажууд утаа савсуулан хэвтээ тэмдэг рүү очив. Зургаа дахь тэмдэг? Урагшлах тусмаа Ландон гайхна. Тэр тэмдэг дөв дөрвөлжин, томоос том, Иллюминатигийн ноохойд харсан тэр хайрцгийн гол хоногт байсан нь илэрхий байлаа. Сүүлчийн зургаа дахь тэмдэг. Хамгийн гайхалтай нь хэмээн хассассин хэлж байсан нь нүдэнд нь үзэгдэнэ.
Ландон Колэрын хажууд сөхөрнө. Нөгөө том тэмдэг халуунаараа цогшин, харанхуйд хөхрөн үзэгдэнэ. Тэр модон ишнээс нь бариад харлаа. Юу байгааг нь мэдэхгүй байсан ч тийм юм байна гэж зүүдэлсэн ч үгүй.
Шороо, Хий, Гал, Ус
Ландон дүрсийг хараад эхэндээ сайн ойлгосонгүй мэлийнэ. Ямар ч ойлгомжгүй дүрс байв. Харуул энийг хараад, яагаад хашхирсан юм бол? Олон тууш шугамтай замбараагүй дүрс. Хамгийн гайхалтай нь гэл үү? Эргүүлж тойруулан харвал ямартай ч тэгш хэмтэй байх, гэхдээ тууш мөртөө замбараагүй дүрстэй байлаа.
Нэг хүн мөрөн дээр нь гараа тавихаар нь Ландон Витториа болов уу гэж бодоод эргэж харав. Гэтэл тэр rap цусанд будагджээ. Цочин эргэж харвал, Максимлиан Колэр тэргэнцрээсээ өндийн, сарвайж байлаа.
Ландоны сэрвээнийх нь үс өрвийн босч, гартаа барьсан тэмдгээ алдчихлаа. Колэр амьд байлаа.
Үхэж буй хөөрхий захирал тэргэнцрээ тулан өндийж, амьсгалах аядан аахилна. Колэрын саарал нүд Ландонтой харц тулгарахад, өнөө өглөө түүнтэй СЭРН-д уулзаж байсан тэр л хөшүүн, хүйтэн янзаараа байв. Тэгснээ зэвүүцэл, өширхлөөр дүүрсэн юм шиг бүр ч хэрцгий харагдах шиг.
Эрдэмтэн гуай татваганах агаад хөдлөх гэж оролдоод байх шиг. Бүх хүн камерлингод туслан анзааргагүй байх, Ландон хүн дуудах гэсэн ч чадсангүй. Үхэж байгаа хүний нүдэн дэх сүүлийн оч түүнийг хөдлөх тэнхээгүй болгож орхилоо. Захирал гараа өргөн сүүлийнхээ тамирыг шавхан байж тэргэнцрийнхээ гар дороос нэг төхөөрөмж мултлав. Шүдэнзний хайрцгийн чинээ тэр юмаа гартаа барин татваганахыг Ландон хараад, буу барьчихсан байгаа юм уу гэж гэнэт айлаа. Гэхдээ биш байлаа.
«Энийг ...» гээд Колэр аахилна. «Энийг ... хэвлэлийнхэнд ... өгөөрэй ...» гэж хэлж дуусмагцаа нөгөө юмаа Ландоны алган дээр унагаад, эвхрэн унав.
Ландон чичрэн гартаа байгаа юмыг харав. Тэр цахим төхөөрөмж дээр SONY RUVI гээд хөндлөн бичсэн байлаа. Нөгөө олон бичил цахим төхөөрөмжүүдийн нэг видео камер байлаа. Колэр амиа золиосолсон энэ үйлсээ камерт бичээд, хэвлэлийнхэнд өгч шашны увайгүйг, эрдмийн ариуныг харуулах гэж оролдсон биз ээ. Энэ хүний төлөө хангалттай ихийг өнөө шөнө хийлээ. Шартрон Колэрын камерыг үзэхээс өмнө, Ландон түүнийг пиджакийнхаа хамгийн гүн халаасанд хийгээд тэр бичлэг эндээ мартагдвал таарна гэж бодов.
Камерлингогийн хоолой нам гүмийг эвдэв. Суух гэж оролдон, Шартроноос зуурангаа: «Кардиналууд хаана байна?» гэж асууна.
«Систин цогчиндоо л байгаа. Рошер тэгж тушаасан юм» гэж Шартрон хариулав.
«Бүгдийг нь ... одоо даруй гарга».
Шартрон кардиналуудыг гаргахаар нэг харуулаа гүйлгэв.
Камерлинго өвчиндөө шаналан өгүүлрүүн: «Нисдэг тэрэг ... дууд ... намайг эмнэлэгт аваачаач!»
Хэсэг 115

Гэгээн Петерийн талбай дээр буусан Ватиканы нисдэг тэрэгний нисэгч бүхээгтээ суугаад, чамархайгаа маажиж байлаа. Талбай дээрх шуугиан хэтэрхий чанга, моторынх нь нүргээн хүртэл сонсогдохгүй ажээ. Энэ хүмүүс хамгаалалтыг удахгүй давах байх даа хэмээн гайхна.
Шөнө дунд болоход, хорин тавхан минут дутуу байхад хүмүүс тэндээс явахгүй, зарим нь залбирч, зарим нь уйлж, зарим нь шашныг зүхэн харааж, зарим нь Библийн галав юүлдэг хэсгийг уншина.
Хэвлэлийнхний прожектор бүхээгийн шилэн дээр тусч гялбуулахад нисэгч нүдээ гараараа хаана. Гэрэл өнгөрсөн хойно, хүмүүс рүү дахин харлаа. Тэнд олон олон даавуун лоозон барин зогсжээ.
Антиматери - Антихрист!
Эрдэмтэд - Эвэрт чөтгөр!
ТЭР БУРХАН ЧИНЬ ОДОО ТЭГЭЭД ХААНА БАЙНА ВЭ?
Нисэгч унтууцна. Толгой нь өвдөнө. Бүхээгийнхээ салхины шилний хаалтыг буулгаад, хэрэгтэй хэрэггүй тэр олны самууныг харахгүй суудаг юм уу гэж бодсон ч, хэзээ мөдгүй нисэх хэрэг гарч магадгүй болохоор тэгж чадсангүй. Шартрон дэслэгч дөнгөж сая гар холбоогоор аймшигт мэдээ дамжуулсан билээ. Максимлиан Колэр камерлинго руу дайрч, хүнд гэмтээжээ. Шартрон, америк эр, нөгөө хүүхэн гурав камерлингог эмнэлэг рүү аваачих гээд авч яваа.
Камерлинго гэмтсэнд нисэгч өөрөө буруутай юм шиг санагдана. Хэлж сануулдаг л байж. Түрүүхэн Максимлиан Колэрыг онгоц буудлаас авах үед, нүдэнд нь үхлийн гэмээр занал тодорч байсныг анзаарчээ. Таалагдаагүй боловч аваад явахаас өөр арга байсангүй. Гэхдээ, энэ хамаагүй л дээ. Рошер энэ шоуг зохион байгуулж, Рошер энэ нөхрийг хамгийн чухал этгээд гэж итгүүлсэн билээ. Рошерийн алдаа байжээ.
Удалгүй дахиад нэг бүлэг хүн талбайд үзэгдэв. Кардиналууд өргөн эгнээгээр жагсан, Ватиканаас Гэгээн Петерийн талбайд байгаа олонтой нэгдэхээр ёс төртэй гарч ирлээ. Тэсрэх бөмбөг дээрээс дөнгөж өндийгөөд, санаа нь амарсан бололтой байсан тэдний нүдэнд сүмийн гадаа, талбай дээр болж байгаа явдлыг хараад, дахин эмээж байгаа нь илт.
Хурсан олон дахин уухайлан шуугив. Нисэгчийн толгойг тас хийтэл цохиод авах шиг болов. Аспирин хэрэгтэй. Хэдийг ч уусан яах вэ. Эм авах гээд нисэх нь хаашаа юм гэхэд, түүнд яалт ч үгүй хэдэн аспирин уучихвал, энэ олны улангасан хашхичих чимээнд дүнгэнээд байгаа толгойд нь нэмэр болохоор санагдана. Урд хоёрын суудлын хооронд байх газрын зураг, нисдэг тэрэгний схемтэй хамт байгаа анхны тусламжийн хайрцаг руу сарвайлаа. Хайрцгаа аваад онгойлгох гэсэн чинь түгжээтэй байв. Түлхүүрийг нь хайгаад олсонгүй. Өнөөдөр азгүй өдөр ажээ. Тэгээд, аргаа баран чамархайгаа үрэн суув.
Түнэр харанхуй ордонд, Ландон, Витториа хоёр, хоёр харуултай дөрвүүлээ амьсгаа авах завдалгүй тэвдэн гүйлдэнэ. Өөр юм олдоогүй болохоор камерлингог ширээн дээр хэвтүүлээд, дөрвөн талаас нь өргөн, холбируулж унагаачихгүй санаатай шогшино. Хаалганы цаана, хурсан олны самууран хашхирах сонсогдоно. Камерлинго ухаангүй шахуу татганана.
Цаг дуусаж байлаа.
Хэсэг 116

Ландон тэр хэд Гэгээн Петерийн ордноос гарах эгшинд 11:39 болж байлаа. Гадаа аймаар юм болж байхыг цочирдон харлаа. Хэвлэлийнхний прожектор ордны цагаан гантигт ойх нь яг л нарны туяа цасанд ойх шиг санагдана. Ландон нүдээ онийлгон, ордны том том багануудын араар орж нуугдах гэж бодсон ч гэрэл бүх талаас тусч байлаа. Өмнө нь, хүмүүсийн араас том гэгч дэлгэцүүд нэлийнэ.
Ордноос талбай руу буусан өргөн том шатны дээр зогсоо Ландон яг л дэлхийн хамгийн том тайзны голд зогсох мануухай шиг санагдана. Энд тэндгүй гялбах цагаан гэрлийн хаа нэгтээ нэг нисдэг тэрэг мотороо унтрааж байгаа нь мянга мянган хүний шуугиан дотроос сонсогдлоо. Зүүн талд нь ордноос аюулгүй газар руу нүүлгэх гэж байгаа кардиналууд эгнэн зогсоно. Тэд бүгд тэртээ доор талбай дээр бужигнасан олны үймээнийг хараад, цочирдон зогтусжээ.
«Болгоомжтой байгаарай!» гэж Шартрон хашхиран, кардиналуудыг доош нь нисдэг тэрэгний зүг шатаар дагуулан хөдлөв.
Усан доогуур явж байга».юм шиг Ландонд санагдлаа. Камерлинго, ширээ хоёрын хүнд жинд rap нь тохойгоороо янгинан өвдлөө. Цагаа тулахаар ийм нэр төргүй байж болно гэж үү хэмээн бодно. Хариулт ойлгомжтой. ВВС-ийн хоёр сурвалжлагч нээлттэй талбайг хөндлөн гарч, хэвлэлийнхний байгаа газар руу явж байхыг харав. Тэгээд, үймсэн олон руу эргэн харлаа. Макри, Глик хоёр буцаад, тэдэн рүү ирж явна. Макри камераа өргөжээ. Махчин тас эргээд ирлээ гэж Ландон тэр хоёрыг хараад бодлоо.
«Alt!» гэж Шартрон хашхираад «Гэдэргээ!» гэж хорив.
Хоёр сурвалжлагч үгэнд нь орсонгүй, харин ч урагшаа давшилсаар. Энэ хоёрын хийж байгаа ВВС-ийн бичлэгийг бусад телевиз зургаахан хормын дараа л нэлийтэл цацаж эхэлнэ дээ гэж бодов. Гэхдээ, Ландон буруу тооцжээ. Хоёрхон хором л болов. Бүгд нэг сүлжээнд холбогдсон аятай, талбай дээр байсан бүх дэлгэц урвуу тоолж байгаа антиматери, Ватиканыг сурвалжилж байгаа нэвтрүүлэгчээ орхиод, нэгэн зэрэг дүрсээ сольж, Ватиканы ордны өргөн гантиг шатыг үзүүллээ. Бүх дэлгэц дээр Ландон хөөрхий камерлингогийн өвчиндөө шаналсан биеийг өргөн яваа нь Техниколорын өнгөний гайхамшигтай нарийвчлалтай гарна.
Ингэж болохгүй шүү дээ! гэж Ландон бодно. Доошоо гүйж очоод, хажуугаас нь болиулмаар санагдана. Даан ч чадсангүй. Чадсан ч гэсэн нэмэр болохгүй байв. Хүмүүсийн уухайлах дуунаас болсон уу, далайн хүйтэн амьсгалаас болов уу, Ландон л лав хэзээ ч төсөөлж чадхааргүйгээр, санаанд оромгүй гайхалтай зүйл боллоо.
Хар дараад, сэрж байгаа хүн шиг камерлинго гэнэт нүдээ нээгээд, босоод суучхав. Гайхаж цочсондоо, бас ширээн дээрх хүндийн төв өөрчлөгдмөгц өргөж байсан дөрөв тэссэнгүй, ширээний урд хоёр хөл газар унав. Камерлинго гулсаж эхэллээ. Ширээнийхээ урд хэсгийг тэвдэн өргөсөн боловч амжсангүй, камерлинго гулссаар хөл дээрээ буучхав. Гайхалтай нь камерлинго ойчсонгүй, хоёр хөл дээрээ бат зогсоно. Толгой нь эргэсэн бололтой хэсэг дуугүй зогссоноо, хэн ч хорьж амжихаас өмнө гэнэт Макри руу тэмүүлэн очлоо.
«Болиоч ээ!» хэмээн Ландон хашхирав.
Шартрон урагшлан камерлингогийн замыг хаах гэж оролдлоо. Камерлинго эргэж галзуу юм шиг харцаар ширтээд: «Намайг орхи!» гэлээ.
Шартрон давхийн ухрав.
Байдал бүр ч муухай боллоо. Цээжин дээгүүр нь Шартроны нөмөргөсөн дээлийн уранхай нь биеийг нь даган гулсана. Хувцас нь тогтох болов уу гэж бодсон ч тэгсэнгүй. Уранхай энгэр нь навсран гулсч, цээжнээсээ бүсэлхий хүртэл нүцгэрч орхилоо.
Дуу дуугаа авалцсан хүмүүсийн дуу дэлхийг эгшин зуур тойроод, буцаад хүрээд ирэх шиг л байн байн үелзэн хашхиралдана. Камерууд энд тэдгүй гозолзон, гэрэл зургийн аппарат гялсхийнэ. Зурагтын том дэлгэцүүд дээр камерлингогийн тамгалуулсан цээж дэлгэц дүүрэн гарч, бүр нэг нэгэнгүй үзүүлнэ. Зарим телевиз дүрсийг тогтоогоод, 180 хэм эргүүлж шинжлэн тайлбарлаж буй бололтой.
Иллюминатигийн үнэмлэхүй ялалт.
Ландон камерлингогийн шархыг дэлгэц дээрээс харлаа. Тэр бол хэдхэн хормын өмнө гартаа барьж байсан тэр тэмдгийн дардас байсан агаад тэмдгийг харж суухдаа юу болохыг нь төдийлөн ухаараагүй билээ. Харин одоо бол өөр байлаа. Энэ тэмдэг төгс утгатай зүйл байв.
Ландоны сэтгэлд хүмүүсийн шуугилдах их чимээг даван Иллюминатигийн эртний домог аянга мэт чанга нүргэлнэ. Харсан хүн гагцхүү алмайран гацахаар эртний махбодоос бүрдсэн сэвгүй очир эрдэнэ!
Энэ домог үнэн байсныг одоо л мэдлээ.
Шороо, хий, гал, ус.
Иллюминатигийн очир.
Шороо, Хий, Гал, Ус
Хэсэг 117

Гэгээн Петерийн талбайд оволзон буй хүмүүсийн тэвдэж шуугих нь хэрээс хэтэрч, Ватиканы түүхэнд байгаагүй зүйл болж байх шиг. Энэ хийд байгуулагдсанаас хойших 2000 жилийн турш ямар ч дайн, ямар ч загалмайд хадах шийтгэл, ямар ч эргэл мөргөл одоо болж байгаа шиг ийм их аймшигтай, далайцтай байгаагүй биз ээ.
Энэ бүх үймээн самууныг Ландон агаарт жингүйдэн, Витториатай хамт гол шатны дээд тавцангийн тэртээ нисэн, хөндлөнгөөс ажиглаж байгаа мэт санагдана. Үйл явдал их хол өрнөн, дуу шуугиан хананы цаана байгаа мэт сонсогдон, цаг хугацаа зунгааралдсан юм шиг...
Тамгалуулсан камерлинго ... нүцгэн цээжээ ... дэлхий нийтэд харуулах гэж...
Иллюминатигийн очир... нууцаа хорлонтой ёо дэлгэлээ...
Антиматерийн урвуу тоолох цаг Ватиканы түүхийн сүүлчийн хорин минутыг тоолж байна.

Гэхдээ, үйл явдал дөнгөж эхэлж байжээ.
Камерлинго ослын дараах ухаан самууралд орчихсон юм уу, чөтгөрт эзэмдүүлж орхив уу гэлтэй гэнэт солиотой юм шиг аашилж эхлэв. Үл үзэгдэгч сүнстэй яриад байгаа юм уу гэлтэй ганцаараа шивнэн, бурхантай яриа юу гэлтэй гараа тэнгэр рүү сарвайжээ.
«Надад хэлээч! Би таныг сонсож байна!» хэмээн камерлинго хоосон тэнгэр рүү харан ориллоо.
Зүрх нь шимшрээд, солиорч байгаа юм болов уу гэж Ландон бодов.
Витториа бас тэгж боджээ. «Тэр шоконд орчхож. Тэгээд хий юм хараад байх шиг байна. Өөрийгөө бурхантай ярьж байна гэж бодоод байх шиг».
Энийг зогсоохгүй бол болохгүй нь гэж Ландон бодлоо. Энэ хэтэрхий утгагүй, шившигтэй төгсгөл болох нь байна. Энэ хүнийг эмнэлэгт аваачъя.
Шатны доор Чинита Макри хамгийн аятайхан байрлалаа эзэлчхээд, зураг авч зогсоно. Ард нь байгаа том дэлгэцүүд гэнэт хийж байгаа бичлэгийг нь шууд нэвтрүүлж эхэллээ. Хүмүүс бүгд л машин дотроосоо кино үздэг том дэлгэц харж байгаа юм шиг санагдана.
Эртний тууль шиг дүрс гарч байна. Уранхай дээлээ унжуулж, цээжээ тамгалуулж шархадсан камерлинго зовон туулан, бэрхийг давсан баатар мэт үзэгдэнэ. Тэнгэрээс заяатай зайран бөө шиг л тэнгэртэй ярьж байлаа.
«77 sento, Dio. Бурхан минь, таныг сонсож байна».
Шартрон биширсэн дүртэй камерлингог ширтэн зогсоно.
Хурсан олон гэнэт чимээгүй болов. Эгшин зуур бүх ертөнц чимээгүй болсон мэт... сүмд байгаа, зурагтаа үзэж суугаа хүн бүр амьсгаа даран хүлээв.
Камерлинго бүх дэлхийн өмнө гараа өргөөд, шатны дээд тавцан дээр зогсч байна. Яг л Христ шиг нүцгэн, тамлуулж зовсныхоо тэмдгийг цээжин дээрээ харуулан зогсоно. Гараа дээшээ тэнгэр рүү өргөн: «Grazie! Grazie, Dio ( Баярлалаа, баярлалаа, бурхан минь. ита)» хэмээн хашхирлаа.
Бүх дэлхий нам гүм хэвээр.
«Grazie, Dio!» хэмээн бүрхэг тэнгэрийг нарны туяа хүү татан гийгүүлэх мэт камерлингогийн нүүрэнд баярын цог тодрон хашхирна. Баярлалаа, бурхан минь.
Баярлалаа, бурхан минь гэнэ үү хэмээн Ландон алмайрна.
Камерлинго бараг л гэрэлтэж байлаа. Хачин жигтэй байсан царай нь баясгалан төгөлдөр болов хувирна. Тэнгэр рүү гараа сунгаад, толгой дохисоор. Тэгээд дээшээгээ: «Энэ хадан дээр би сүмээ босгоно!» хэмээн хашхирлаа.
Ландон энэ үгийг мэддэг боловч яагаад камерлинго хашхираад байгааг ухаарсангүй.
Камерлинго хүмүүс рүү эргээд, дахиад л шөнийн харанхуйд хашхирлаа. «Энэ хадан дээр би сүмээ босгоно!» Тэгээд, гараа дахин тэнгэр рүү сунгаад, чанга дуугаар инээд алдан: «Grazie, Dio. Grazie» гэлээ.
Энэ хүн солиорчихжээ.
Бүх дэлхий харж байв.
Гэхдээ үйл явдлын оргилыг хэн ч төсөөлөөгүй байлаа.
Нүүрэндээ баясал тодруулсаар, камерлинго эргээд, Гэгээн Петерийн ордон руу орчихлоо.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 6:56 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Dec.14.03 5:05 pm
Posts: 290
Location: Алс хязгаарт
Камерлинго хэргийн эзэн юм бишүү


Top
   
PostPosted: Apr.20.15 7:08 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
mmiracle wrote:
...

Бүүк жоохон спойлер нтр өгөхгүймуу ккк би бүр яараад бна

:wink: .
Өдий том болчихоод иллюминатын үлгэрт итгээд л байгаа юм уу? ... :hihi:
Би ч хангалттай спойлдчихсон байхаа даа :wink:. Someone уурлах вий дээ... :haha:


Top
   
PostPosted: Apr.20.15 7:33 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 445
Хэсэг 118

Арван нэгэн цаг дөчин хоёр минут.
Камерлингог эргүүлэх гэж баахан хүн эргээд, ордон руу зүтгэв. Ландон ийм юман дунд орооцолдоно чинээ санасангүй. Гэхдээ, тэр хаалганд хамгийн ойрхон байсан болохоор зөнгөөрөө хөдлөв.
Энэ хүн энд үхэхээр шийдсэн бололтой хэмээн бодмогцоо Ландон харанхуй хоосон хаалга руу эрчээрээ гүйлээ. «Камерлинго, зогс!»
Ордон руу гүйн ормогц тас харанхуй нөмрөн авч, сохор юм шиг болчхов. Гадаа гэрэлд дассан байсан хүүхэн хараа нь гэнэт нарийсаж хамраасаа урагшаа хэдхэн тохой газрыг л мэдэрнэ. Гүйж байснаа гэнэт больж зогсохоос өөр аргагүй боллоо. Харанхуй ордон дотор камерлинго урд нь хаа нэгтээ гүйж яваа нь дээлийнх нь намирах дуугаар баримжаалагдана.
Витториа, харуулуудтай хамт араас орж ирлээ. Гар чийдэнгийн гэрэл гарсан боловч ордны том хүйтэн хонгилд бараг л ямар ч хэрэггүй шахуу санагдав. Гэрэл нааш цааш тусах авч хоосон шал, аварга том баганууд дээр л ойно. Харин камерлинго алга.
'Камерлинго! Эрхэм ээ. Хүлээгээч!» хэмээн Шартрон орилоход, дуунд нь айдас сонсогдов.
Хаалган дээр нэг юм гэрэл гялбуулан, сүр cap хийн орж ирэхэд, хүн болгон эргэж харлаа. Үүдэн дээр Чинита Макри зогсож байлаа. Камераа мөрөн дээрээ барьчихсан, тэнд анивчих улаан гэрэл шууд бичлэг хийж байгааг харуулна. Глик ард нь микрофоноо барьчихсан, аажуухан яваач гэсээр орж ирлээ.
Энэ хоёрыг хараад, Ландон нүдэндээ итгэсэнгүй. Цагаа олж дээ.
«Гар! Энэ та нарт хүртээлтэй зүйл биш!» хэмээн Шартрон зандрав.
Макри, Глик хоёр гарсангүй.
«Чинита. Амиа хорлох гээ юү? Би очихгүй шүү» хэмээн Глик шивнэнэ.
Макри түүнийг тоосонгүй. Камерынхаа тохируулгыг тавилаа. Гэтэл гэрлийнх нь хурц туяа хүмүүсийг гялбуулан, ордны тэр хавийг бүхэлд нь гэрэлтүүллээ.
Ландон нүд нь гялбахад, гараараа нүүрээ халхлав. Чөтгөр гэж. Нүд нь гэрэлд дасахад харвал, одоо ойр тойрны гуч орчим тохой газар тодорхой харагдаж байлаа.
Яг энэ үед камерлингогийн хашхирах сонсогдов. «Энэ хадан дээр би сүмээ босгоно».
Макри дуу гарсан зүг камераа чиглүүлэв. Тэртээ хол камерын хурц гэрэл сарних саарал үзүүрт, танил дүрс бүхий хар дээлийн өөдөс үзэгдээд, алга болов. Ордны гол шатаар доошоо бууж байгаа бололтой.
Хүн бүрийн нүдэнд хойноос явах эсэхдээ эргэлзсэн байртай харц зурсхийн тодров. Хамгийн түрүүнд Шартрон Ландоны хажуугаар шийдсэн бололтой сүрхийн камерлингогийн хойноос чавхдав. Ландон хойноос гүйж, араас нь харуулууд, Витториа дагалаа.
Хамгийн сүүлд Макри араас нь хүн бүрийн замыг гийгүүлэн, үхлээ эрсэн хүмүүсийг дэлхий даяар харуулан хөдөллөө. Глик хараал тавин араас нь их л дурамжхан, чичирхийлсэн хоолойгоор амьсгаадан тайлбар хийх аядан бувтнасаар гүйлээ.
Гэгээн Петерийн ордны гол танхим хөл бөмбөгийн талбайгаас том юм байна гэж нэг удаа Шартрон тоймлож байжээ. Харин одоо бүр хоёр дахин том болчихсон санагдана. Камерлинго ер нь хаашаагаа яваад байгаа юм бол хэмээн Шартрон цэргүүдтэйгээ хамт гүйнгээ гайхаад барахгүй байв. Камерлинго яах аргагүй шоконд орчихсон байсан, дээрээс нь Папын өргөөнд болсон аллага таллагыг харсан, тэнд тамлуулсан өвчиндөө дэмийрчихсэн яваа бололтой.
ВВС-ийн камерын гэрлийн тусгалын тэртээ захад, камерлинго: «Энэ хадан дээр би сүмээ босгоно» хэмээн их л баясгалантай хашхиран гүйх нь сонсогдоно.
Шартрон эндүүрээгүй бол Матайн 16:18-нд байдаг шадыг камерлинго хашхиран явна. Энэ хадан дээр би сүмээ босгоно. Энэ сүм замхарч алга болох гэж байхад энэ шадыг үглэн яваа нь хэтэрхий гаслантай сонсогдоно. Камерлинго солиорсноос зайлахгүй.
Үгүй ч байж магадгүй юм даа?
Шартрон энэ тухай бодмогц сүнс нь дэвээд явчих шиг болов. Бурхныг харсан, сонссон гэдэг дандаа л хүсэлдээ хууртсан хэрэг -хэт их мөрөөдсөнөөсөө болоод хүссэнээ л сонссон хэрэг байдаг билээ. Бурхан шууд ярьдаггүй сэн.
Хормын дараа ариун сүнс өөрөө бууж ирээд, чадлаа гайхуулах шиг болж, Шартрон билэг үзэв.
Тавин тохой тэртээ сүмийн яг голд гэнэт... тунгалаг, гэрэлт сүнс гарч ирлээ. Дүрс нь яг л хагас нүцгэн камерлинго шиг харагдах боловч гэрэл нь нэвт туяарах ажээ. Шартрон бараг л зогсож, цээж нь зангираад ирэв. Камерлинго нэвт гэрэлтэж байна! Бие нь улам бүр тунгалагшин гэрэлтэнэ. Тэгэнгүүтээ сүмийн харанхуй руу шингэн шингэсээр алга болчхов.
Ландон ч бас гэрэлт сүнсийг харжээ. Тэр ч бас гайхамшиг харж байгаа нь энэ үү хэмээн хэсэг боджээ. Гэвч Шартроныг гүйцэн, камерлингог харанхуй руу ууссан тэр зүгт гүйсээр, тэр газар руу очмогцоо юу харснаа сая л ухаарлаа. Камерлинго Паллиумын хонхор руу, ерэн есөн зул мөнхөд асах нүхэн танхимд ирсэн байжээ. Доороос гэрэлтэж байсан тосон зул, дээр нь байсан камерлингогийн сүүдрийг уусган, яг л гэрэлт сүнс мэт харагдуулжээ. Камерлинго шатаар буумагц, тэр харанхуй дунд уусах мэт санагджээ.
Ландон амьсгаадан, нүхэн танхимын ирмэг дээр нь ирж дээрээс харлаа. Тэгээд, шатаар ухаан мадаггүй доошоо буув. Тэр доор тосон зулаар алтран гэрэлтэх гантиг танхим дундуур камерлинго гүйж алдарт алтан хайрцаг хадгалдаг өрөө рүү хөтөлсөн шилэн хаалган зүг зорьжээ.
Юу хийгээд байгаа юм бол доо. Алтан хайрцаг тус болно гэж л бодоогүй байлтай билээ хэмээн Ландон бодов.
Камерлинго шилэн хаалгыг савж онгойлгоод, дотор нь оров. Алтан хайрцгийг тоосонгүй баруунтайгаар нь шурдхийн өнгөрлөө. Хайрцгаас цааш таван тохой хэртээ цаана сөхрөн сууж, газарт шигтгэсэн төмөр сараалжийг ховхлох гэж хүчилнэ.
Ландон камерлингог хаашаа гүйж явсныг нь одоо л гадарлан бүр ч тэвдэв. Өө, бурхан минь. Шатаар хар эрчээрээ буун: «Эцэг минь, боль!» хэмээн хашхирлаа.
Ландоныг шилэн хаалгаар орж ирэх эгшинд камерлинго хүнд төмөр сараалжийг өргөж аваад, хажуу тийш нь шалан дээр чихний хэнгэрэг дөжиртөл, тэсхийтэл жингэнүүлэн шидлээ. Цаана нь бүр ч доошоо хөтөлсөн нарийн шаттай цооног байлаа. Камерлинго тэр нүх рүү зүтгэх тэр эгшинд Ландон мөрнөөс нь татав. Мөр нь хөлсөндөө нэвтэрсэн болохоор, гар нь халтирсан боловч тогтоож чадлаа.
Камерлинго давхийн цочиж: «Яаж байна аа?» гэв.
Ландон нүдийг нь хармагцаа бараг л цочив. Камерлинго донгиотсон, бясалгасан биш харин ч хурц, шийдэмгий харагдана. Цээжин дээр нь байгаа шарх аймаар байлаа.
«Эцэг минь! Та энэ доошоо ороод хэрэггүй. Бид эндээс гарах хэрэгтэй байна» гэж Ландон аль болох тайван хэлэх гэж оролдов.
«Хүү минь!» гэж камерлинго жигтэй тайван хэлээд: «Би дөнгөж сая билэг үзлээ. Би мэдэж байна» гэв.
«Камерлинго!» хэмээн Шартрон баахан хүмүүстэй хашхиралдан ирлээ. Тэд шатаар буун, өрөөний шилэн хаалгаар түлхэлдэн ирж, Макригийн камерын гэрэл өрөөг нилсхийтэл гийгүүлэн ирлээ.
Шартрон газар байсан төмөр сараалжийг сугалаад авчихсаныг хараад, хирдхийн цочив. Өөрийгөө загалмайлан адислаад, Ландон руу камерлингог зогсоосонд нь талархан харлаа. Ландон ойлгож байв. Тэр сараалжийн цаана юу байдгийг мэдэх бөгөөд ер нь Ватиканы хаана нь юу байдгийг мэддэг болтлоо хангалттай уншсан билээ. Тэнд Христ шашны хамгийн дагшин газар байдаг. Terra Santa. Дагшин орон. Заримдаа Некрополис (үхлийн хот. Грек.), заримдаа Катакомбс гэнэ. Цөөн хэдэн гэлэнгийн үе улируулан үлдээсэн тэмдэглэлээс үзвэл, Некрополис гэдэг төөрсөн хүнийг залгиж орхидог газар доорх аймшигт цооног байлаа. Камерлингогийн араас хэн ч ийшээ орохооргүй билээ.
«Эрхэм ээ» хэмээн Шартрон камерлингод хандан: «Та одоо шоконд орчихсон байна. Цөмөөрөө эндээс гарах хэрэгтэй. Та тийшээ орж болохгүй. Энэ чинь амиа хорлосон хэрэг шүү дээ» хэмээн учирлана.
Камерлинго гэнэт амарлингуй дүртэй болчхов. Тэгээд, гараа аажуухан өргөж, Шартроны мөрөн дээр тавиад, өгүүлрүүн: «Чиний зовнил, зүтгэлд чинь гялайлаа. Яаж гэдгээ чамд хэлж чадахгүй. Ухаарч байгаа эсэхээ ч би өөрөө мэдэхгүй. Гэхдээ, би билэг үзсэн. Антиматери хаана байгааг би мэдсэн» гэлээ.
Бүгд мэлэрч орхив.
Камерлинго хүмүүс рүү эргэж хараад: «Энэ хадан дээр би сүмээ босгоно. Ингэж л хэлсэн. Ойлгомжтой байгаа биз дээ?» гэлээ.
Ландон камерлингог бурхантай ярьсан гэдгийг ойлгосонгүй, бас яагаад тэр үг тийм ойлгомжтой байгааг ч ойлгосонгүй. Энэ хадан дээр би сүмээ босгоно. Есүс анх Петерийг шавиа болгохдоо, энэ үгийг хэлжээ. Энэ ер нь ямар хамаатай юм бэ?
Макри улам ойртов. Глик шоконд орчихсон, чимээгүй зогсоно.
Камерлинго маш хурдан тайлбарлав. «Иллюминати зэвсгээ энэ шашны тулгын нь чулуун дээр нуужээ. Сууринд гэсэн үг» гээд доошоо заав. «Энэ сүм, энэ шашин боссон тэр хадан дээр шүү дээ. Тэр хад хаана байгааг би мэднэ» гэлээ.
Ландон камерлингог хүчээр дээш нь авч явах хэрэгтэй болжээ гэж бодов. Шийдэмгий мөртлөө ярьж байгаа нь утгагүй байлаа. Хад? Шашин боссон тулгын чулуу? Өмнө байгаа цооног суурь руу биш, харин Некрополис руу аваачина. «Тэр үг чинь зүгээр л хэлц шүү дээ, эцэг минь. Ямар ч хад байхгүй».
Камерлинго тун урамгүйхэн харлаа.»Хад бий, хүү минь, бий» гээд нүх рүү дахин зааж: «Pietro е la pietra» гэв.
Ландон гялсхийн ухаарав.
Ямар энгийн байгаа вэ гэж бодохоос голоос нь хүйт даана. Ландон тэр цооног руу харан зогсохдоо, энэ сүмийн доор гүнд булшилсан нэгэн зүйл хад байгааг ухаарлаа.
Pietro е la pietra. Петер бол хад юм шүү дээ.
Бурханд шүтсэн Петерийн сүсэг гүн бат бөгөөд Есүс Петерийг «хад» хэмээн нэрлэж, тэр хадны мөрөн дээр шашнаа мандуулна хэмээн өгүүлж байжээ. Энэ хадан дээр, Ватикан дов дээр Петерийг загалмайд хадаж, булшилсныг Ландон санав. Петерийн булшин дээр эртний христүүд жижиг сүм барьсан. Он цаг удан, шашин түгэх хэрээр тэр сүмийн дээр сүм давхарлан барьсаар өнөөгийн энэ аугаа гайхамшигт ордон боссон билээ. Бүх шашин яг үнэхээр Гэгээн Петер дээр, хадан дээр босжээ.
«Антиматерийг Петерийн булшин дээр тавьжээ» гэж камерлинго тод хурц хэллээ.
Хэдийгээр бурхнаас авсан мэдээлэл гэх боловч бат нот логиктой байлаа. Гэгээн Петерийн булшин дээр антиматерийг тавьсан гэдэг илэрхий ажээ. Иллюмати дайснаа дарсны тэмдэг болгож, христийн шашны амин судас дээр бэлгэдлийн хувьд ч, бодитойгоор антиматерийг байрлуулжээ. Төгс нэвтрэлт.
«Хэрэв та нарт нотолгоо хэрэгтэй байгаа бол» хэмээн камерлингогийн хоолой их л бачимдсан янзтай болж: «Би энэ сараалжийг түгжээгүй байхыг олсон юм» гэлээ. «Энэ сараалжийн цоожийг хэзээ ч тайлж байгаагүй юм. Нэг хүн энийг тун ойрмогхон онгойлгосон байна даа» гэлээ.
Бүгд нүх рүү харлаа.
Хормын дараа камерлинго гартаа тосон зул бариад, нээлхий рүү зүтгэж байв.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.20.15 10:28 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Ёоо энэ Камерлингог чинь бас Иллюминист гэж бодсон чинь гү байжээ. Үнэн төсөөлж боломгүй зохиол байна шүү.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.20.15 10:35 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Тэхдээ л энэ камерлинго нэг л нотой байгаад байгаамдаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited