Offline |
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн |
 |
 |
Joined: Nov.05.14 6:58 pm Posts: 442
|
Хэсэг 9 Ландоны өмнө шалан хэвтээ хүүр аймаар байв. Леонардо Ветраг нүцгэлж шалдлаад нуруугаар нь хэвтүүлсэн байх агаад арьс нь хөхөрч сааралтжээ. Хүзүүг нь нуга дарж, хугарсан газраар нь эргүүлээд чанх арагш цааш нь харуулсан байв. Нүүр нь шал руу харжээ. Тэр хүн хөлдсөн шээсэн дээрээ хэвтэж, бэлэг эрхтнийх нь үс царцан сэгсийсэн байлаа. Ландон жихүүрхэн, арай л бөөлжиж орхисонгүй: хохирогчийн цээж рүү хараагаа шилжүүллээ. Цээжин дээр нь түлж сийлсэн тэгш хэмтэй тэр бичгийг факс дээр байн байн харж байсан ч яг жинхэнээр нь харахад нүд дальдрам байв. Үсэг бүрийн зураасыг тэв тэгш ховил гарган зүсч арьс махыг нь нямбай гэгч түлжээ. Хөргөлтийн системээс болсон уу, харж байгаа зүйлийнхээ үр дагаврыг төсөөлснөөс болсон уу сэрвээг нь даган хүйт даав. ИЛЛЮМИНАТИ Тэр хүүрийг тойрч харан бичгийг өөд уруу харуулан уншиж, тэгш хэмийг нь гайхна. Энэ бэлгэдэл тийм ч нууцлаг биш санагдлаа. «Ландон гуай?» Ландон анзаарсангүй. Тэр өөрийнхөө ертөнцөд: махбод, түүх, домог, бодит явдал холилдсон тэр ертөнцөд бүх мэдрэмжээ огшоон орчихсон байв. «Ландон гуай!» гэж Колэрын нүд шаардангуй байдлаар гялалзан дуудав. Ландон эргэж харалгүй, анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байлаа. «Та хэр их юм мэдэж авав даа?» «Вэбсайтаас чинь л жаахан юм уншлаа. Иллюминати гэдэг нь «гэгээрэгч» гэсэн үг. Эртний нэг нөхөрлөлийн нэр юм гэв үү дээ». Ландон толгой дохилоо. «Та энэ нэрийг өмнө нь сонсож байсан уу?» «Ветра эрхмийг тамгалсан байхыг хараад л анх удаа сонслоо». «Тэгээд та интернетээр хайлт хийсэн юм биз дээ?» «Тийм ээ.» «Тэгвэл энэ үгэнд зуу зуун утга олдсон байж таарна даа». «Мянга мянга» гэж Колэр хэлээд «Гэхдээ ганц таных л Харвард, Оксфорд мэт нэр хүндтэй нийтлэгчдийн жагсаалтыг ардаа хавсаргасан байсан. Судлаачийн хувьд би ийм эх сурвалжийг магадтайд тооцсон юм. Таны иш татсаныг харвал илүү бодитой санагдаад.» Ландоны нүд хүүрээс салж чадахгүй байлаа. Колэр дахиж юм хэлсэнгүй. Тэр зүгээр л Ландоныг тоймтой юм хэлж магадгүй гээд хүлээж суув. Ландон толгойгоо өндийлгөөд царцсан байрыг тойруулж хараад «Хоёулаа арай дулаахан газар ярилцсан нь дээргүй юү?» гэлээ. «Энд зүгээр шүү дээ» гэж Колэр хүйтнийг үл ажран хэлээд «Хоёулаа эндээ ярилцъя» гэлээ. Ландоны царай нь барайн Иллюминатигийн тухай энд ярилцвал ч би дуусахаасаа өмнө хөлдөөд үхчих байх даа гэж бодов. Энэ тийм ч амархан ярьчих түүх биш ажээ. Гэсэн ч түлж сийлсэн аймшигт бичиг рүү зэрвэс хараад ухаан санаагаа сэргээн ярьж эхэллээ. Орчин үеийн бэлгэдэл судлалд Иллюминатигийн эмблем домог болсон боловч нэг ч судлаач түүнийг өнөө хэр хараагүй байлаа. Эртний сударт энэ үгийг амбиграмм (амби-хоёр тал) буюу хоёр талаасаа уншигддаг гэж дурдсан байдаг ажээ. Хас, арга билэг загас, Ховройн од, загалмай гээд л ийм амбиграмм бэлгэдэл олон байдаг: гэхдээ, бүтэн үгийг амбиграмм болгож бичнэ гэдэг үнэндээ боломжгүй юм. Бэлгэдэл судлаачид иллюминати гэдэг үгийг төгс хэмтэй бичих гэж олон жил оролдсон ч бүтэлтэй болоогүй билээ. Тиймээс ихэнх судлаач тийм бэлгэдэл байсан гэдэг нь зүгээр л нэг домог гэж үздэг болжээ. «За тэгээд тэр Иллюминати гэдэг чинь хэн юм бэ дээ?» гэж Колэр асуув. Харин л дээ, нээрэн, хэн юм бол хэмээн Ландон дотроо гайхна. Тэгээд тэрээр үлгэрээ ярьж эхлэв. «Бүр эртнээсээ эрдэм, шашин хоёрын хооронд том гэгч ангал оршин байв. Жиордано Бруно гэх мэт гайхамшигт судлаачид» гэж Ландоныг эхэлмэгц «алагдсан юм» гэж Колэр таслав. «Сүм хийд тэднийг эрдмийн үнэнийг олж хэлсний төлөө цаазалсан. Шашин ямагт эрдмийг шүүн цээрлүүлж байсан». «Тиймээ. Гэхдээ 1500-аад оны үед Ромын хэсэг эрдэмтэн сүм хийдийн эсрэг тэмцэж эхэлсэн юм. Италийн хамгийн гэгээрсэн хүмүүс: физикч, математикч, одон орон судлаач нар нууцаар уулзаж, шашны буруу номлолын талаар ярилцдаг байжээ. Шашин «үнэн»-ийг өмчилж байгаа нь эрдэм дэлхий даяар түгэн тархахад саад болж байна гэж үзжээ. Тэгээд эрдмийн хүрээлэг үүсгэж, түүнийгээ «гэгээрсэн хүмүүс» гэж нэрлэсэн юм.» «Иллюминати гэж үү?» «Ухайс даа» гэж Ландон дэмжээд: «Европын хамгийн эрдэмт хүмүүс ... эрдмийн үнэнийг хайхын төлөө амьдралаа зориулсан хүмүүс». Колэр чимээгүй байв. «Тэгтэл Католик сүм хийд иллюминатийг ангуучилж эхэлсэн байна. Тиймээс онц нууц байж байж л тэд амгалан байж болох байв. Эрдмийн хүрээнийхний дунд цуу тархаж, иллюминати бүх Европ даяар эгнээгээ өргөжүүлж эхэлжээ. Тэдгээр эрдэмтэн Ромд байдаг Гэгээрлийн сүм гэх газар маш нууц байдалд тогтмол уулздаг байжээ.» Колэр бүгшин ханиагаад, сандал дээрээ суудлаа засан суув. «Иллюминатигийн олон гишүүн шашны худал хуурмагийн эсрэг хүч хэрэглэн тэмцье гэдэг байсан ч хамгийн эрхэм гишүүн нь тийм санааг дэмжилгүй, намжаадаг байсан юм. Тэр энхийг эрхэмлэгч, түүхэн дэх хамгийн алдартай эрдэмтэн хүн байлаа» гэж Ландон үргэлжлүүлнэ. Ландон тэр хүний нэрийг Колэр мэднэ гэдэгт огт эргэлзэхгүй байлаа. Нар дэлхийг биш, харин дэлхий нарыг тойрдог гэж нотолсныхоо төлөө шашныханд алуулчих шахсан тэр одон орончийг бүр эрдэмтэн биш эгэл хүн ч таних билээ. Нотолгоог нь няцаах арга байхгүй ч гэсэн бурхан хүнийг ертөнцийн төвд бус, өөр хаа нэгтээ аваачаад суулгачихсан гэх санаа гаргасныхаа төлөө хэрцгий эрүү шүүлт амссан нэгэн билээ. «Түүнийг Галилео Галилей гэдэг байлаа» гэж Ландон хэлэв. Колэрын нүд нь онийн «Галилей юу?» хэмээн асуув. «Тийм. Галилей иллюминтус байсан юм. Тэр мөн чин сүсэгт католик хүн байлаа. Тиймээс эрдэм бурхан байдгийг үгүйсгэдэггүй, харин ч нотолдог хэмээн тайлбарлаж эрдмийн талаарх шашныхны байр суурийг зөөллөх гэж оролдсон юм. Нэг удаа дурангаараа гариг эрхсийг харж байхад нь бурхны дуу хоолой хөгжим болон эргэлдэн сонсогдож байв гэж хүртэл бичиж байжээ. Тэр эрдэм, шашин хоёр дайсан бус, харин холбоотнууд агаад тэгш хэм, тэнцэл, тэнгэр газар, өдөр шөнө, халуун хүйтэн, бурхан чөтгөр гэх мэтийн тухай нэг л үлгэрийг өөр өөрөөр тайлбарлаж байдаг гэж нотлох гэж хичээжээ. Эрдэм, шашин хоёулаа бурхны тэгш хэмийг бишрэн, гэрэл гэгээ, харанхуй сүүдэр хоёрын эцэс төгсгөлгүй тэмцлийг дуулдаг» гэж ярихдаа Ландон хөлөө дулаацуулах гэж дороо дэвсчиж байлаа. Колэр тэргэнцэр дээрээ суугаад гөлөрнө. «Харамсалтай нь» гэж Ландон үргэлжлүүлэн «эрдэм, шашин хоёрыг зохируулъя гэж сүм хийд хүсээгүй юм». «Мэдээж, тэгэхгүй л дээ» гэж Колэр Ландоны үгийг таслан өгүүлэв. «Тэр хоёр зохирчихсон бол шашин - бурханд хүрэх цор ганц зам гэдэг тэдний номлол үгүй болчих байлаа. Тиймээс шашныхан Галилеог тэрс номтон хэмээн зарлаж, буруутган, байнгын гэрийн хорионд түгжиж орхисон юм, Ландон гуай. Гэхдээ энэ бол хэд хэдэн зууны өмнө болсон явдал шүү дээ. Леонардо Ветрад ямар хамаатай юм бэ?» Сая долларын үнэтэй асуулт байна даа. Ландон цааш нь үргэлжлүүлэв. «Галилеог хорионд хиймэгц иллюминати эсэргүүцэж байж алдаа гаргаад, шашныхан дөрвөн гишүүнийг нь баривчлаад, байцаажээ. Гэхдээ тэднийг яргалсан ч гэсэн тэд юу ч хэлээгүй юм.» «Яргалсан гэнэ ээ?» Ландон толгой дохив. «Тэднийг амьдаар нь тамгалсан юм. Цээжин дээр нь загалмай сийлчихсэн гэдэг». Колэрын нүд нь бүлтийж, Ветрагийн хүүр рүү жихүүрхэн харав. «Дараа нь тэр дөрвийг алаад Ромын гудамжинд хүүрийг нь хаяж, өөр нэгэн иллюминатид элсүүзэй хэмээн сануулга болгожээ. Шашны мөрдөлт чангармагц иллюминатигийн бусад гишүүн Италиас дүрвэн гарчээ». Ландон ингэж хэлээд зогсосхийв. Тэр Колэрын нүд рүү ширтэж байлаа. Тэгээд «иллюминати бүр ч нууцлаг болж, католик сүм хийдэд хавчигдсан алхимич, хар домч, ислам, жүүд гэх мэт бусад бүлэгтэй холилдож эхэлсэн юм. Гэхдээ жил ирэх тусам иллюминати шинэ гишүүдээр өргөжиж байлаа. Ингээд шинэ Иллюминати гарч ирсэн юм. Нүгэлт, анти-христ Иллюминати. Маш хүчтэй, тайлагдашгүй зан үйл, үхлийн нууцтай, нэг л өдөр эргэн ирж католик сүм хийдээс хонзонгоо авна хэмээн занадаг болжээ. Тэд хүчирхэгжсээр бүр католик сүм хийд тэднийг дэлхий дээрх хамгийн аюулгүй анти-христ хар хүч хэмээн нэрийдэх хэмжээнд хүрчээ. Ватикан энэ нөхөрлөлийг Шайтан гэж зарласан юм». «Шайтан аа?» «Энэ исламынх л даа. Зүгээр л «дайсан» ... бурхны дайсан гэсэн үг. Шашныхан ислам нэр томьёог заваан гэж үздэг байсан болохоор тэгж нэрлэсэн хэрэг» гэж Ландон тайлбарлаад «Шайтан гэдэг нь англи хэлээр бол Сатаан гэсэн үг л дээ». Колэр янз муутай байгааг Ландон анзаарав. Ландоны дуу чанга нот байв. «Колэр гуай, би энэ тэмдэг энэ хүний цээжинд хэрхэн, мөн яагаад тавигдсаныг үнэндээ мэдэхгүй байна. Гэхдээ та энд дэлхий дээрх хамгийн эртний, хамгийн хүчирхэг Сатаанлаг шүтлэгийн ор тас мартагдсан гэгдэж байсан тэр тэмдгийг харж байна даа» гэлээ.
Хэсэг10 Эзгүй нарийн гудмаар хассассин хурдан гэгч алхалж, хар нүдэнд нь итгэлийн цог гэрэлтэнэ. Хүрэх газраа дөхөх тусам Янусын үгс тархинд нь ян хийтэл дахин давтан сонсогдоно. Удалгүй хоёр дахь шат эхэлнэ. Жаахан амраад ав. Хассассин мушилзав. Тэр шөнөжин унтаагүй боловч унтах тухай бодох ч үгүй байлаа. Зөвхөн дорой амьтад л унтдаг. Тэр эцэг өвгөдийнхөө адил дайчин хүн бөгөөд өвөг дээдэс нь тулаан эхэлмэгц дуусан дуустал нь унтдаггүй байлаа. Тулаан ямартай ч эхэлчихсэн, дайсны цусыг түрүүлж урсгасан гавьяа түүнийх. Эргээд ажилдаа ортол, ялалтын алдраа тэмдэглэх хоёр цагийн хугацаа түүнд байлаа. Унтах аа? Түүнээс илүү амрах сайхан арга бас бий шүү... Таашаалдаа хөтлөгдөх хэдонистик занг өвөг дээдсээсээ уламжилсан байлаа. Өвөг нь хашиш зажилж таашаал авдаг байсан бол тэр арай өөр. Түүний эр бие торниун, үхлийн машин - энэ биеэ хар тамхиар хордуулахыг тэвчдэггүй байв. Тэр тамхи мамхиас илүү таашаалтай, эрүүл сайхан зүйлд татагдана. Амсах таашаалаа төсөөлөн шүлсээ залгилсаар гудамжны үзүүр рүү яарна. Явсаар нэг хаяггүй хаалган дээр ирээд хонх цохив. Хаалганы шагайвч тас хийтэл нээгдэж, хоёр бор нүд түүнийг цоо ширтлээ. Удалгүй хаалга онгойв. «За, морил, морил!» гэж аятайхан хувцастай хүүхэн урив. Хүүхэн түүнийг гэрэл муутай даруухан тавилгатай хүлээлгийн өрөөнд орууллаа. Агаарт тансаг үнэртэн ханхална. «Бэлэн болмогцоо хэлээрэй» гээд хүүхэн фото зургийн том цомог гарт нь өглөө. «Сонгочихоод хонхоо дарж дуудаарай» гээд хүүхэн гунхалзан алга болов. Хассассин инээвхийлэн мушилзана. Өргөн буйдан дээр сууж, өвөр дээрээ цомгоо тавилаа. Өлөн араатан шиг л байв. Үндэс угсаагаараа зул cap тэмдэглэдэггүй боловч тэр өөрийгөө христ шашинт хүү бэлгээ аваад дотроос нь ямар гоё юм гарах бол хэмээн задлах гэж хөгжиж байгаа юм шиг л төсөөлнө. Цомгоо нээгээд зураг бүрийг нь сонжив. Хурьцлын садар амт амталсан нүд цомгийн зургаас түүнийг ширтэх ажээ. Мариса. Итали дагина. Халуухан. Залуухан л болохоос Софиа Лорэн л гэсэн үг. Сачико. Япон гэйша. Урин янаг. Чадварлаг гэдэг нь эргэлзээгүй. Канара. Гялалзсан хар. Шөрмөслөг. Экзотик. Тэр цомгоо хоёронтаа үзээд сонголтоо хийв. Ширээн дээрх товчоо дарлаа. Хормын дараа хаалга нээж өгсөн нөгөө хүүхэн хүрч ирэв. Тэр хэнийг сонгосноо харуулбал хүүхэн инээмсэглээд «Дагаад яваарай» гэв. Залууг төлбөрөө хийсний дараа хүүхэн утас цохилоо. Хэсэг азнаснаа дагуулан тансаг зассан хонгил руу боржин шатаар өгсөж гараад «Үзүүрт байгаа шар хаалга» гэж зааснаа «Та ч үнэтэй сонголт хийдэг юм байна» гэв. Тэгэх ч ёстой юм, би ч мэргэжлийн шүү гэж бодлоо. Өлөн үчимбэр анд гэтэх шиг хассассин хонгилын үзүүр рүү сэм сэм алхана. Дөхөж очоод дотроо инээмсэглэв. Хаалганы завсраас түүнийг хуял тачаал даллана. Хаалгаа түлхэхэд аниргүйхэн онгойв. Сонгосон хүүхнээ харж, зөв шийдсэнээ мэдлээ. Яг л хүссэнээр нь ... хүүхний гарыг орны толгойноос нарийн утсаар хүлж, шалдлаад, нуруугаар нь хэвтүүлсэн байлаа. Өрөөнд орж, орны хажууд суув. Том бараан хуруугаа хүүхний ангир цагаан цээжнээс хөнгөхөн уруудуулсаар хүйсэн дээр нь зөөлөн аваачлаа. Би урд шөнө дайснаа устгасан, харин чи миний шан!
Хэсэг 11 Сатаанлаг гэнэ ээ!» гэж Колэр уруулаа арчин, тавгүй асуув. «Энэ тэгээд чөтгөрийн тэмдэг юм уу?» Ландон хүйтэн өрөөнд дулаацах гэж холхино. «Иллюминати сатаанлаг байсан юм. Гэхдээ энэ нь өнөөгийн утгаар биш.» Сатаанлаг гэдгийг олон хүн чөтгөрт мөргөдөг дайсан гэдэг ойлгодог, харин тэр үед сатаанлаг гэж зүгээр л шашныхныг эсэргүүцсэн нэгнийг хэлдэг байсан тухай тайлбарлав. Шайтан. Сатаанлаг хар дом, амьтнаар өргөл барих ёс, таван хошуу зэрэг бол шашныхан дайсныхаа эсрэг явуулсан цуурхал төдий зүйл. Цаг хугацаа алслах тусам шашныг эсрэг үзэлтнүүд Иллюминатийг дуурайх гэж оролдохдоо тэр цуурхлыг баримтлан дагасан байна. Ингэж л орчин үеийн Сатаанизм үүсжээ. Колэр ундууцангуй «Энэ ч яахав, эртний түүх л байна. Харин энэ тэмдэг яаж яваад энд гараад ирдэг билээ?» Ландон гүнзгий амьсгаа авлаа. «Энэ тэмдгийг арван зургадугаар зууны нэгэн Иллюминати урлаач Галилеог тэгш хэмд дуртайг нь санагалзан, нөхөрлөлийнхөө ариун тэмдэг болгон зохиосон юм. Нөхөрлөл энэ тэмдгийг нууцалсан: хангалттай хүч хуримтлуулж, газар дэлхийд дахин ил гарч, гол зорилгоо биелүүлэх цагтаа л ил гаргана гэдэг домогтой юм». Колэр бас л аягүйрхэн хараад «Тэгэхээр нөхөрлөл ил гарах цаг болсон гэдгийг энэ тэмдэг хэлж байгаа хэрэг үү?» Ландон мөрөө хавчин: «Уул нь тэгмээргүй л юм даа. Иллюминатигийн түүхэнд миний ухаарч чадаагүй зүйл үлдээгүй гэж бодсон юм сан». Колэрын дуу эргээд чангарав. «Гэгээрүүлж хайрла, намайг!» Ландон алгаа үрж, Иллюминатигийн тухай уншсан олон зуун ном, судраа толгойдоо эмхэллээ. «Иллюминатигаас амь үлдсэн хүмүүс Ромоос оргон зайлж, Европ даяар тарж, дахин нэгдэх таатай газар орон хайн хэсүүчилсэн юм. Тэгээд бас нэг нууц нийгэмлэгтэй хамссан нь Баварийн баян чулуучдын Чөлөөт масон гэх нөхөрлөл байлаа». Колэр гайхасхийн «Масонууд уу?» гэв. Колэр энэ нөхөрлөлийн тухай сонссон байсанд Ландон нэг их гайхсангүй, толгой л дохилоо. Масон* нөхөрлөл өнөөдөр таван сая гаруй гишүүнтэй, үүнээс АНУ-д тал нь, харин нэг сая орчим нь Европт байдаг. «Гэхдээ масонууд чинь сатаанлаг биш гэдэг биз дээ?» гэж Колэр тээнэгэлзсэнгүй асуулаа. «Мэдээж үгүй. Масонууд зүгээр л сайхан сэтгэлийнхээ золиос болчихсон юм. Тэд 1700-аад оны үед хавчилтаас дүрвэсэн эрдэмтдийг орогнуулаад өөрсдөө тэднийхээ бамбай болчхож л дээ. Иллюминати зэрэг дэвийнх нь дагуу өссөөр бүр хамгийн том ложийг нь (Масон ёсны удирдах зөвлөл) хүртэл эзэлжээ. Тэгээд Масонуудын дотор өөрийнхөө бүлгэмийг байгуулж, нууц нийгэмлэг доторх нууц нийгэмлэг болжээ. Цаашлаад Иллюминати Масонуудын даян дэлхийг хамарсан сүлжээг ашиглан эрх нөлөөгөө тогтоож эхэлсэн юм.» Ландон нэг том амьсгаа аваад цааш нь үргэлжлүүлэв. «Католицизмийг үгүй хийх нь Иллюминатигийн үндсэн зорилго. Шашин бол мухар сүсгээр хүн төрөлхтнийг хордуулж байгаа хамгийн том дайсан нь. Шашин хоосон номлолоо бодит гэж хүмүүст үнэмшүүлбэл эрдмийн дэвшил саатаж, хүн төрөлхтөн ухаан мадаггүй шашны дайнд умбах болно гэж тэд үздэг.» «Өнөөдөр яг л тэгээд байна шүү дээ». Ландон хөмсгөө өргөн гайхасхийв. Гэхдээ Колэрын зөв байлаа. Ариун дайн гэдэг сонин болгоны тэргүүн нүүрэнд тавигддаг. Миний бурхан чиний бурхнаас дээр. Итгэгчид олон болох тусам хэлмэгдэгсэд олон болно. Колэр «Цааш нь» гэв. Ландон оюунаа хөвчлөөд цааш нь үргэлжлүүлэв. «Иллюминати Европт хүчирхэгжээд, Америк руу тэлжээ. Жорж Вашингтон, Бэнжамин Франклин гээд л бүгд бурхны үнэн сүжигтэн, Масоны нөхөрлөл дотор нь Иллюминати оршиж байгааг гадарлах ч үгүй байлаа. Иллюминати нэвчих тусмаа давуулаг болж банк, их сургууль, аж үйлдвэрүүдийг туйлын зорилгоо гүйцэлдүүлэх зэвсэг, болгох гэж байгуулж байлаа» гээд Ландон зогсосхийгээд «Дэлхийн нэгдсэн нэг гүрэн - шашингүй Дэлхийн шинэ журмыг тогтоохыг оролдож байв». Колэр хөдөлсөн ч үгүй. «Дэлхийн шинэ журам» гэж Ландон давтаад «Эрдмийн гэгээрэл дээр тогтох юм. Үүнийг тэд Люциферийн номлол гэдэг. Шашныхан Люциферыг чөтгөрийн хаантай** холбодог бол Иллюминати энэ үгийг ориг Латин утгаар нь буюу гэрэл түгээгч буюу гэгээрэгч гэж тайлбарладаг». Колэр нэг санаа алдаад, гэнэт их л догь дуугаар «Ландон гуай, та сууж морил» гэв. Ландон хүйт даасан сандал дээр хөнгөн суув. Колэр тэргэнцэртэйгээ дөхөж ирээд «Би сая таны ярьсныг бүрэн ойлгосон эсэхээ мэдэхгүй байна. Леонардо Ветра бол СЭРН-ий гайхамшиг байсан хүн. Бас миний дотнын анд. Та надад Иллюминатийг олж өгч туслаач» гэв. Ландон юу гэхээ мэдсэнгүй. «Иллюминатийг олох оо? Тоглоогүй байгаа даа!» гэж бодоод «Эрхэм ээ, гэхдээ энэ боломжгүй болов уу гэж эмээнэм». Колэр хөмсгөө атируулав. «Та юу гэнэ ээ? Та...» «Колэр гуай» гэж Ландон яриаг нь таслаад хэлэх гэж байгаагаа хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй, Колэрт аминчлан ойртлоо. «Би яриагаа арай дуусгаагүй байна. Энд Иллюминатигийн тамгыг сийлчихсэн ч гэсэн Иллюминатигийнхан өөрөө сийлсэн гэж би бодохгүй байна. Сүүлийн хагас зуун жилийн турш тэд оршсоор байгаа гэсэн ямар ч сэжиг, тэмдэг гараагүй тул дийлэнх эрдэмтэн Иллюминати тарж алга болоод олон жил болж байгаа гэж үздэг юм шүү дээ.» Өрөөнд чимээгүй болчхов. Колэр Ландоныг эргэлзэх, уурлах хоёрын дундуур унтууцан чимээгүй харж байснаа «Энэ хүний цээжин дээр тамгаа дарчхаад байхад та тийм хүмүүс байдаггүй юм гэж яаж хэлж байна аа?» Ландон өглөөнөөс хойш өөрөөсөө ингэж асууж байлаа. Иллюминатигийн амбиграмм тэмдэг ингэж гарч ирсэн нь тун жигтэй байв. Дэлхийн бүх бэлгэдэл судлаач ч бас л гайхах байсан биз. Гэхдээ энэ тэмдэг гарч ирсэн нь Иллюминатиг оршин буй гэдгийг шууд нот батлах зүйл бас биш билээ. Тэгээд Ландон «Тэмдэг гарч илэрлээ гэдэг чинь түүнийг эзэмшдэг этгээд оршин байгаа гэсэн үг биш шүү дээ» гэлээ. «Тэгвэл тэгээд юу гэсэн үг юм бэ?» «Энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ тэмдгийг хэрэглэдэг байсан философичдын бүлгэм тарж алга болсон ч гэсэн тэмдэг нь үлдэх агаад тэр тэмдгийг өөр хэн ч хэрэглэж болно гэсэн үг. Үүнийг трансференц буюу шилжих гэдэг юм. Бэлгэдэлд энэ их түгээмэл. Нацистууд Хинду шашнаас хас тэмдгийг шилжүүлэн авсан, харин Христ шашинтнууд Египетчүүдээс загалмайг өвлөсөн байдаг юм, мөн ...» «Өнөө өглөө ...» гэж Колэр үгийг нь таслаад «... би Иллюминати гэж бичээд интернетээр хайлт хийхэд мянга мянган шинэ мэдээ олдож байсан. Тэгэхээр маш олон хүн энэ нөхөрлөлийг оршсоор байгаа гэж боддог юм билээ шүү дээ». «Цуурхал төдий юм байхгүй юу даа» гэж Ландон хариулав. Орчин үеийн поп соёлд чихэнд чийр болтол нуршдаг хэрэгтэй, хэрэггүй цуу яриа, сэжиг таамагт тэр ямагт унтууцдаг байлаа. Шар хэвлэлүүд дэлхий сөнөх гэж байгаа тухай, хоёр зууны зааг дахь сүйрлийн тухай, Иллюминати оршин тогтносоор Дэлхийн шинэ журмаа тогтоох гэж байгаа тухай шал дэмий зүйлийг өлгөж аваад л цуурдаг. Нью Йорк Таймс-ын сүүлийн нэгэн дугаарт Артур Конан Дойл ихэмсэг, Кэнтийн бэйл, Петер Сэллерс, Ирвин Бэрлин, Филипп хунтайж, Луй Армстронг гээд л орчин үеийн нэртэй төртэй олон бизнесмен, банкны эздийг хамарсан Масоны том гэгч бүлгийг илрүүлсэн байлаа. Колэр ууртай яа Ветрагийн хүүрийг заан байж «Энэ баримтыг үндэслэвэл тэр цуурхал чинь үнэн байж магадгүй бололтой байна шүү» гэлээ. Ландон чадах ядахаараа дипломат зан гаргах гэж оролдон «Минийхээр бол, ямар нэг өөр нийгэмлэг Иллюминатигийн энэ тэмдгийг олж аваад зорилгодоо ашиглаж байна гэвэл илүү бодитой тайлбар болох болов уу» гэв. «Тэгээд ямар зорилгын төлөө тэр вэ? Энэ аллага юуг нотлох ёстой юм бэ?» Зөв асуулт шүү гэж Ландон бодлоо. Тэрээр хэн Иллюминатигийн энэ тэмдгийг 400 жилийн дараа олж авчхаад хэрэглэж явдаг билээ гэж гайхаад байлаа. «Иллюминати өнөө хэр оршсоор байгаа гэж үзсэн ч гэсэн, гэхдээ би тэгж болохгүй байна, тэд Леонардо Ветрагийн аллагад оролцох хүмүүс биш гэж л би танд хэлмээр байна». «Юу?» «Иллюминати Христийн шашныг үгүй хийх гэж зорьдог. Зорилгоо террорист замаар бус, харин улс төр, эдийн засгийн аргаар гүйцээх гэж оролддог юм. Түүнээс гадна, тэд хэнийг дайсан гэж үзэх вэ гэсэн ёс зүйн чанга дүрэмтэй. Эрдэмтэн хүнийг их дээдэлдэг. Тиймээс Леонардо Ветра шиг ийм эрдэмтэн хүний амийг хорлох ямар ч шалтгаан байхгүй». Колэрын нүд зэвхийгээд явчхав. «Би Леонардо Ветра зүгээр нэг эрдэмтэн байгаагүй гэдгийг хэлээгүй бололтой». Ландон амьсгаа аваад их л эелдгээр «Колэр гуай, би Леонардо Ветра олон талаараа гайхалтай хүн байсныг ойлгож байна л даа, гэхдээ асуудал...» Колэр юу ч хэлэлгүй тэргэнцрээ эргүүлээд зочны өрөөнөөс гарч одов. Хүйтэн униар түүний урьд ярагдан ард нь дулаан амьсгал үлдэвч төдөлгүй хөрч замхарна. Бурхан өршөө гэж Ландон бувтнан босоод араас нь явлаа. Колэр үүдний жижиг гонхонд хүлээж байв. «Энэ Леонардогийн судалгаа байгаа юм» гээд Колэр гулсдаг хаалга руу зүглэв. «Та энийг харвал асуудал арай өөр болох байх». Колэр жигтэй хачин түлхэж, хаалга гулсан онгойв. Ландон тэр өрөөнд Колэртэй зэрэгцэн ороод зогтусан алмайраад «Ээ, Есүсийг төрүүлсэн ариун эх минь ээ» хэмээн дуу алдлаа.* Масон гэдэг нь чулуучид, барилгачдын шашинлаг нөхөрлөл юм. Хүлэг баатар-рыцарийн ордныг үлгэр болгосон, зохион байгуулалттай энэ нөхөрлөл - харц барлаг гаралтай хүмүүсийг нэгтгэж байснаараа онцлог байжээ. Харин тэр барлаг гаралтай хүмүүс олон зууны турш шургуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд, өнөөдрийн том том корпорац, эрдмийн хүрээлэн, их сургуулийг үндэслэсэн хөрөнгөлөг ангийн үндсийг тавьжээ. ** Библьд өгүүлснээр Люцифер буюу Гэгээ түгээгч гэх нэртэй ангель өөрийгөө бурхан болсон мэт эндүүрэн, эл эзнийхээ эсрэг тэмцсэнд бурхан түүнийг газрын гав руу илгээж, чөтгөр болгоод нэрийг нь Сатаан хэмээн сольсон гэдэг.
_________________ Avatar by Someone
|
|