#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 5:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Apr.20.15 10:38 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Apr.10.15 11:25 am
Posts: 27
Bookcracker wrote:
mmiracle wrote:
...

Бүүк жоохон спойлер нтр өгөхгүймуу ккк би бүр яараад бна

:wink: .
Өдий том болчихоод иллюминатын үлгэрт итгээд л байгаа юм уу? ... :hihi:
Би ч хангалттай спойлдчихсон байхаа даа :wink:. Someone уурлах вий дээ... :haha:

хэхэ бараг л итгээд байгаашдэээ :hihi:


Top
   
PostPosted: Apr.20.15 11:03 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Тэр Колер харин Ландонд юу өгчихөв өө. Тэрийг л гайхаад байна. Камерлинго бас өөрийгөө тамгалчихсан ч юм шиг. Папын нууц номын сангийн нууц хаалганы түлхүүр Папад эсвэл орлож байгаа хүнд нь л баймаар юм. Дуусгачих юмсан.
Киног нь ч үзчихдэг юм уу?

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.21.15 2:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Колер бас сайн жүжиглэх юмаа. Антиматерийн тухай юу ч мэдэхгүй л царайлаад бсан биз дээ. Тэгээд аав нь антиматерийнхаа тухай хэнд хэлсэн юм бол оо? Колерт гэхээр Колер чинь дараа нь юм хум хайгаад бсан биз дээ өрөөнөөс нь. Эсүүл антиматерийг дэлбэрэхгүйгээр аюулгүй болгох арга юм болов уу? Тэр Колерийн өгсөн юм ч камерлинготой ярьсан бичлэг бх л даа. Нарийн бичиг нь бүх хүнтэй ярьсан бичлэгээ хуулж авдагт нь дургүй гэж бсан даа. Аягүй бол Колер иллюминатигийн тухай бүх зүйлийг ярьсан юм болов уу? Бүүр алдартай болгох гээд. Тэгээд Колер антиматери хаана бгааг хэлэв үү эсвэл камерлинго үнэхээр бурхантай ярив уу? Камерлинго антиматерийг олсон ч тэгээд дэлбэрэхээс нь сэргийлж чадахгүй биз дээ.

Гэхдээ Бүүккракер болохоор иллюминати гэж бхгүй гээд бхийн тэгээд хэн ийм юм хийгээд бгаан бол. Бас тэр Рошер яагаад ийм хачин болж бснаа үхчихвээ. Рошер тэр утсаар ярьдаг хүнийг таниж бсан. Колерийг таньдаг бсан юм болов уу? Ямар олон хуудас үлдсийн бээ хэхэ одоо бүх учир тайлагдаад дуусах нь дээ гэж бсан чинь.

Маш их баярлалаа Someone-даа :wd: :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.21.15 9:55 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
PC tag bolood utsaar unshih gej yilee uzej bna daa, yu yu bolood unguruv uu, odoo antimater l heregtei bna daa, thanks someone


Top
   
PostPosted: Apr.21.15 9:58 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.20.15 4:54 pm
Posts: 17
Миний бодлоор камерлинго өөрөө л жинхэнэ хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур юм бишүү. Өөрийгөө тамгалаад, дэлхий нийтээр сенсацлаад, өөрөө антиматерийг тавьсан байж бурхантай ярьж байршлыг нь мэдэж авсан хүн болоол... дэлхий нийтээр үүнд нь итгэж баатар болоол... тийм мундаг хамаг мэдээллийг нь олж авч чадсан юм чин антиматерийн цэнэглэгчийг нь бас авцан, цаг нь дуусахаас өмнө аюулгүй болгох гэж байгаадаа хаха. Хөөрхий колэр харин гэмгүй үхчих шиг боллоо доо. Тэр бичлэгт л бүх учир байх шиг байна :brows:


Top
   
PostPosted: Apr.21.15 9:59 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 119

Чулуун шат газрын гүн рүү огцом доошилж байв.
Би энэ доор үхэх юм байна л даа хэмээн Витториа бодон бусдынхаа араас нарийн хонгил дагуулан тавьсан хүнд олс гартаа барин бууна. Ландон камерлингог доош буулгахгүй хорих гэсэн боловч Шартрон гарыг нь татан болиулжээ. Залуу харуул камерлинго юу хийж байгаагаа мэдэж байгаа гэдэгт итгэсэн байлаа.
Ландон хэсэг зогссоноо камерлинго, Шартрон хоёрын араас мөр даран нүх рүү орлоо. Витториа зөнгөөрөө дагав.
Тэд эгц доошилсон, олсон бариултай чулуун шатаар доошилно. Хазгай гишгэвэл, хальж үхэх нь лавтай. Тэртээ доор камерлингогиийн барьсан тосон зул алтран харанхуйд гэрэлт цох шиг харагдана. Ард нь ВВС-ийн хоёр сурвалжлагч чихэлдэн орохыг сонсов. Камерын гэрэл ард нь нэлсхийсэн авч чанх урд нь яваа Витториагийн сүүдэр цооногийг халхлан, нүд гялбам гэрэл түнэр харанхуй сүүдэртэй сүлэлдэнэ. Гэхдээ, доор яваа Шартрон, Ландон хоёр харагдаж байлаа. Витториа энэ хоёр сурвалжлагчийг гайхна. Ийм мөчид, ийм дагшин, нууцлаг газар хүртэл камераа чирэн, бүхнийг ил задгай үзүүлж явах ийм увайгүй хүмүүс байх гэж. Камераа унтраагаасай. Гэхдээ, энэ камерын гэрэлд л хүн бүхэн хаана яваагаа харж байгаа гэдгийг саналаа.
Хүмүүс ар араасаа гүйлдэн явах зуур, Витториагийн тархинд олон олон бодол солигдон явлаа. Камерлинго энэ доор юу хийх гээ юм бол? Антиматерийг оллоо гээд одоо яах билээ? Цаг үлдсэнгүй шүү дээ.
Камерлинго зөв юм хийж байгаа байх гэсэн совин татаад байгаад Витториа өөрөө ч гайхна. Антиматерийг газрын гүнд гурван давхар доор тавьсан нь тун шударга, нигүүлсэнгүй явдал мэт. Z лаборатори шиг гүнд антиматери дэлбэрвэл аюул харьцангуй бага. Дулааны долгион, хэлтэрхийн үсрэлт гэж байхгүй, гадна байгаа хүмүүст аюул бага: зүгээр л библьд өгүүлдэг шиг газар цөмрөн, цөмөрсөн газар руу нь ордон тэр чигтээ нурж унана.
Колэр үүнийг тооцож энд тавьсан байх. Гэмгүй хүмүүсийг хохироохгүй гэж. Витториа захирлыгаа энэ хэрэгт оролцсон гэж итгэж өгөхгүй байлаа. Тэр шашныг жигшдэг, гэхдээ арай ч ийм аугаа хуйвалдааныг зохион байгуулах хүн биш. Колэр шашныг ингэтлээ зэвүүцдэг байсан гэж үү? Бүр Ватиканыг мөхөөж, алуурчин хөлсөлж, аавыг нь, дөрвөн кардинал, Паптай хамт хөнөөхөөр тийм их өширсөн байсан гэж үү? Санаанд багтахгүй юм. Тэгээд ч Колэр Ватикан хэрмэн дотор болж байгаа бүхнийг яаж зохицуулах билээ? Рошер Колэрын Ватикан дахь тагнуул байсан гэж Витториа өөртөө тайлбарлав. Рошер Иллюминатус байсан. Эргэлзээгүй. Рошер зангид бүх өрөөний түлхүүр, бүр Папын өргөө, Гэгээн Петерийн булш, il Passeto, Некрополисын, бүгдийнх нь түлхүүр байдаг байсан. Тэр өөрөө Гэгээн Петерийн булшин дээр антиматерийг тавьчхаад, Ватиканы хориотой хэсгүүдэд эрэл хийгээд хэрэггүй гэж тушаасан. Рошер хэн ч канистерыг олж чадахгүй гэж боджээ.
Гэхдээ, Рошер хэзээ ч бурхан камерлингод билэг үзүүлэх юм гэж тооцож чадахгүй.
Бурхны билэг. Энэ л Витториагийн дотор эргэлзээ, сүсэг хоёрыг тэмцэлдүүлж орхисон билээ. Бурхан нээрэн камерлинготой ярьсан гэж үү? Витториа үгүй гэдэгт итгэж байсан ч өөрөө хамааралт зөнг судалдаг физикчийн хувьд гайхамшиг гэдгийг шууд үгүйсгэж чадахгүй байлаа. Тэр өдөр болгон гайхамшигтай тааралддаг. Хоорондоо мянган бээрийн алсад байгаа хоёр лабориторьт тус тусдаа байгаа нэг далайн мэлхийн ихэр хоёр өндөг яг нэг эгшинд зэрэг хагардаг ... бүтэн нэг га талбайд тархсан далайн залхаг яг л нэг ухамсарт захирагдах мэт нэг хэмнэлээр хөдөлдгийг өдөр бүр хардаг билээ. Нүднээ үл үзэгдэх хамаарлын хэлхээ энд тэндгүй байдаг гэж бодно.
Бурхан хүн хоёрын хооронд тэгвэл ..?
Аав минь, надтай сүсгээ нэгтгэн хажууд байсан ч болоосой. Аав нь ариун хамаарал гэдгийг нэг удаа охиндоо эрдмийн хэлээр тайлбарлаж өгч, түүнд нь охин нь гүн бат итгэж билээ. Аавыгаа мөргөж байхыг хараад: «Аав аа, та яагаад дандаа ингэж мөргөдөг юм бэ? Бурхан танд хариу хэлдэггүй шүү дээ» гэж нэг удаа асууснаа, одоо ч тодхон санана.
Леонардо Ветра бясалгаж сууснаа больж, охин руугаа эцэг ёсоор инээмсэглэн харна. «Охин минь өөнтөгч юм гээч! Чи бурхан хүнтэй ярьдаг гэдэгт итгэдэггүй юм уу? Тэгвэл би чиний хэлээр тайлбарлаж өгье дөө». Аав нь шүүгээн дээрээсээ хүний тархины загварыг авч, өмнө нь суугаад, өгүүлрүүн: «Хүн тархиныхаа чадавхын тун цөөн хувийг л ашигладаг гэж чи мэдэх байх. Гэхдээ, хүн бэрх нөхцөлд ормогц, жишээлбэл бэртэх, хэт их айх, хэт их баясах, гүнзгий бясалгах ч юм уу, тэгэхэд хүний мэдрэл гэнэт бүгдээрээ цочирдон, оюун ухаан нь хөвчирч бүхнийг гэв гэнэт ухаараад ирдэг».
«Тэгээд юу гэж?» гэж Витториа өөнтөглөн: «Оюун хөвчирч, юмыг сайтар ойлгоно гэдэг чинь бурхантай ярьж байгаа хэрэг биш шүү дээ» гэв.
«Пээх» гэж аав нь дуу алдсанаа: «Ингэж оюун нь хөвчирч, бүх юм тодорхой болоход л бэрх асуудлын зөв хариулт дандаа олдоод байдаг. Үүнийг Буддын лам нар дээд ухаарал гэдэг. Биологичид ондоошсон төлөв гэдэг. Сэтгэлзүйчид болохоор хэт мэдрэмж гэдэг. Харин христүүд үүнийг хариу авсан мөргөл гэдэг» гээд нүүр дүүрэн инээмсэглээд: «Тэгэхээр ариун илчлэл гэдэг заримдаа зүгээр л зүрх чинь мэдэж байгаа тэр зүйлийг олж сонсохын тулд тархиа тохируулах төдий зүйл байх нь ч бий» гэжээ.
Газрын гүн рүү алхаж явахдаа, аав зөв ярьж байсан юм болов уу гэж Витториа бодно. Биеийнх нь өвдөлт, цочролын улмаас камерлинго гэнэт антиматерийг хаана тавьсан байж болох тухай оньсогыг тайлчихсан байж болох л юм.
Хүн нэг бүр бурхан байдаг гэж Будда сургажээ. Бид бүхнийг мэднэ. Тиймээс зөвхөн оюун ухаанаа сонсохын тулд сэтгэлээ нээх хэрэгтэй.
Витториа газрын гүн рүү алхаж явах тэр эгшинд оюун нь хөвчрөн, оюун ухаан нь хөвөн гарч ирж, бүх юмыг нэгэн эгшинд ухаарлаа. Камерлинго юу хийх гэж байгааг тэр гэнэт мэдрэв. Тэгмэгцээ урьд нь айж байгаагүй ихээр айлаа.
«Камерлинго боль!» гэж Витториа цооног нэг орилов. Ватикан хийдийг тойроод зогсож байгаа олныг санамагц, хамаг бие нь хөшчих шиг боллоо. «Та антиматерийг дээш нь гаргачихвал тэнд байгаа бүх хүн үрэгдэнэ шүү дээ!» гэлээ.
Ландон нэг алхахдаа гурван шат алгасан бууж байлаа. Цооног давчуу байсан ч кластрофоб нь хөдөлсөнгүй. Кластрофобын айдсаас илүү айдас нүүрлэн байв.
«Камерлинго, та антиматерийг тэнд нь орхи. Өөр арга байхгүй» гэж Ландон туяарах гэрлийг зүглэн доошилсоор хэлэв.
Энэ үгийг хэлж байхдаа тэр үүндээ бас төдий л итгэхгүй байв. Ингэж хэлснээрээ тэр камерлинго бурхантай ярьсныг зөвшөөгөөд зогсохгүй, хүн төрөлхтний уран барилгын дурсгал болсон Гэгээн Петерийн ордон, дотор нь байгаа мянга, мянган гайхамшигт урлагийн бүтээлийг устгаж болно гэж зөвшөөрч байгаа хэрэг байлаа.
Гэхдээ гадаа байгаа хүмүүсийн төлөө бол ... өөр арга үгүй.
Хүмүүсийн амийг аврах цорын ганц зам бол энэ гайхамшигт барилгыг устгах явдал болжээ. Иллюминатигийнхан энэ бэлгэдлийг устгасандаа ямар их додигор байх бол.
Цооног дотор өмхий үнэртсэн, хүйтэн байлаа. Тэртээ дор Гэгээн Петерээс эхлээд эртний олон христүүдийг оршуулсан некрополис байв. Ийшээ очиж яваа нь амиа хорлосон хэрэг биш байгаасай гэж Ландон залбирна.
Гэнэт камерлинго зул барьсаар зогсов. Араас нь Ландон бараг л мөргөх шахлаа.
Шатны доод хэсэг сүглийн харагдана. Гурван гавал товойлгон дүрсэлсэн давтмал төмөр хаалга шатны доор зам хаан, сүндэрлэнэ. Камерлинго тэнд хаалга онгойлгох гэж татаж байлаа. Ландон араас нь гүйж ирээд түлхэн хааж, замыг нь хаан зогсов. Бусад нь ар араасаа түрхрэлдэн ирж, бүгдээрээ ВВС-ийн камерын гэрэлд цонхийсон цагаан харагдаж байв. Ялангуяа, Глик ард нь дурамжхан байсныг хэлэх ҮҮ бүр ч илүү цонхийсон үзэгдэнэ.
Шартрон Ландоны гарыг зуурч: «Камерлингог оруул» гэлээ.
«Үгүй шүү!» хэмээн тэр дээрээс Витториа хашхиран бууж ирэв. «Цөмөөрөө эндээс шалавхан гарах хэрэгтэй. Та антиматерийг эндээс авч гарч болохгүй. Тэгвэл, гадаа байгаа бүх хүн үрэгдэнэ шүү дээ» гэлээ.
Камерлинго гайхалтай амарлингуй хэлэв. «Та нар бүгд... бид бүгдээрээ сүсэглэх хэрэгтэй. Цаг бага үлдээд байна шүү».
«Ойлгохгүй байна. Газар дээр дэлбэрэх нь энд дэлбэрэхээс хэдэн мянга дахин аюултай шүү дээ» гэж Витториа асуув.
Камерлинго амгалан ногоон нүдээрээ бүсгүйн сэтгэлийг нэвт уяраан харав. «Газар дээр дэлбэрэлт болно гэж хэн хэлээ вэ?» гэв.
Витториа алмайрч орхив. «Та энийг энд нь үлдээх гэж байгаа юм уу?»
Камерлинго бүр гайхмаар итгэл төгс байв. «Өнөө шөнө дахиад хэн ч үхэхгүй».
«Эцэг минь, гэхдээ»
«Гуйя... сүсэглэгтүн!» гээд камерлинго гүнзгий амьсгаа аваад өгүүлрүүн: «Би та бүхнийг надтай хамт бай гээгүй. Та бүхэн чөлөөтэй явж болно. Би зүгээр л бурхныг заасныг бүү зөрчүүлээч гэж гуйж байна. Намайг хий гэж тушаасныг нь гүйцэлдүүлэхийг болгооно уу». Тэгээд их л шийдэмгий байртай: «Би энэ шашныг аврах гэж байна. Би чадна. Утсан чинээ улаан амиараа андгайлъя».
Аниргүй мэт боловч сэтгэлд аянга буух шиг санагдав.
Хэсэг 120

Арван нэгэн цаг тавин нэгэн минут.
Некрополис гэж үнэхээр Үхлийн хот ажээ.
Ландон энэ тухай олон уншсан ч бодсоноос шал өөр, санаа алдмаар байлаа. Агуйн шалан дээр барьсан гэмээр байшин шиг жижиг бунхнаар газар доорх энэ уудам хөндий дүүрчээ. Үхширсэн агаар үнэртэнэ. Тоосго өрж, гантиг хавтангаар хучсан бунхан, шарил элэгдэн нуржээ. Дундуур нь жигтэй нарийн жим зурайна. Элэгдэж нурсан энэ тосгоны шороон саарал харанхуй тэнгэрийг тулан овоолсон шороо шиг багана сүндэрлэнэ.
Үхлийн хот хэмээн Ландон бувтнан, эрдмийн хүний сонь, ерийн хүний айдас хоёртоо автана. Бусадтайгаа хамт сул шороо пургисан жимээр хамт явлаа. Би буруу газраа ирсэн юм болов уу.
Шартрон камерлингод сүсэглэж явдгаа илтгэн, хамгийн түрүүнд урагшлан, төмөр хаалгыг түүнд нээж өглөө. Глик, Макри хоёр гэрэл гаргаж өгөхийг хүссэн камерлингод нэр төртэй еэ зөвшөөрсөн боловч хэрэв энэ дотроос амьд гарч ирвэл зүй ёсоор оногдох сайшаалд горьдсон - зөвшөөрсөн сэдэл нь сайхан сэтгэлийнх гэхэд хэцүү л байлаа. Витториа хамт явахдаа хамгийн дурамжхан байсан агаад нүдэнд нь жинхэнэ эмэгтэй хүний тэвдэж балмагдсан зөн харагдахыг Ландон анзаарлаа.
Тэртээ тэргүй оройтсон гэж Ландон бодоод, Витториагийн гараас хөтлөн, бусадтайгаа хамт алхлаа. Бид шийдчихсэн хүмүүс ажээ.
Витториа чимээгүй байсан ч яг ижил юм бодож яваагаа Ландон мэдэж байлаа. Камерлингогийн буруу байвал есөн минут гэдэг Ватиканаас зугтан одоход хэтэрхий бага хугацаа.
Ландон гүйж явахад хөл нь цуцаж, бусад нь харин өөдөө нэлээн урагштай явж байхыг гайхасхийн харлаа. Учрыг нь олмогц дотор зарсхийв. Хөл доор нь Есүс Христ аж төрж байх үеийн газар тэр чигтээ байлаа. Тэд жинхэнэ Ватикан дов руу өгсөж байв! Ватиканы судлаачид дандаа Гэгээн Петерийн булш Ватикан довны орой дээр байдаг гэж ярихыг олонтаа сонсож байсан ч тэд яаж мэдээд байгааг нь гайхдаг байв. Одоо л ойлголоо. Тэр Ватикан дов гэдэг чинь эндээ байж л байгаа юм байна шүү дээ.
Ландонд түүхийн номын хуудсан дундуур гүйж явах шиг санагдана. Тэр довны дээр хаа нэгтээ Гэгээн Петерийн булш - Христийн шашны цөм бий. Булш нь эхэндээ жижиг бунхан төдийхөн байжээ. Петерийн сүр нөлөө дэвжихийн хэрээр гадуур нь том сүм барин барьсаар одоо дээшээ 440 тохой болж, Микланжелогийн барьсан хүнхэр орой, алтан ганжир нь булшнаас эгц дээшээ хуруу хүрэхгүй зөрүүтэй сүндэрлэнэ.
Тэд нарийн мурилзсан жимээр дээшээ өгссөөр. Ландон цагаа харав. Найман минут. Витториа тэр хоёр энэ хөндийд л дуусах нь дээ хэмээн бодов.
«Болгоомжтой! Могойн үүр байна шүү!» хэмээн Глик хашхирлаа.
Ландон амжиж харвал, жижиг жижиг нүх замыг нь тойрон хаа нэгтээ онгойн харагдана. Нэгэн дээгүүр нь үсрэн гарлаа.
Витториа ч бас үсрэн гарахдаа, нэгэн дээр нь бараг гишгэх шахлаа. Бүсгүй ойр тойрноо тэвдэнгүй харж: «Могойн үүр юм уу?» гэлээ.
«Уул нь ч хүнсний гуурс л даа» гэж Ландон хэлээд: «Гэхдээ чи мэдээд хэрэггүй, итгэж үз» гэлээ. Тийм нүхийг хооллох сүв гэдэг ажээ. Эртний христүүд хүний махан бие амилдаг гэж итгэдэг байсан болохоор тэр нүхээр үхсэн хүнийг тэжээх гэж сүү, зөгийн бал дусаадаг байжээ.
Камерлинго ядарч байлаа.
Бурхан хийгээд хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ ухамсарламагц хөл нь гуйвахаа болин, шинэ эрчээр хурдална. Бараг л хүрлээ. Бие нь аймаар өвдөнө. Хүний сэтгэл биеэсээ илүү өвчин даадаг гэдэг дээ. Гэхдээ л ядарч байв. Цаг тун бага үлдлээ.
«Би таны шашныг аварна. Эцэг минь. Тангараглая!»
ВВС-ийн камерын гэрэл араас нь тусч байгаад баярлаж байсан ч тэр тосон зулаа өндөр өргөн явна. Би харанхуйг гийгүүлэх зулын гэрэл. Би гэрэл. Гүйж явахад нь зулын тос цалгих бөгөөд тос асгарч, өөрийг нь түлж орхих вий хэмээн эмээнэ. Энэ шөнө арьс махаа түлж хаширчхаад байлаа.
Довны оройд гарах үедээ камерлинго хөлсөндөө нэвчиж, арай гэж амьсгалж байлаа. Тэгээд, хяр дээр гармагцаа, дахин төрсөн мэт болов. Довны хяр дээрх дэвсэг дээр өмнө нь хэдэнтээ ирж байсан газраа дахин ирлээ. Зам энд дуусжээ. Некрополис гэнэт шороон хананд хүрээд дууслаа. Тэнд Mausoleum S. гэсэн жижиг үсэг байлаа.
La tomba di San Pietro (Гэгээн Петерийн булш. uma).
Шороон хананд бүсэлхий тушаа газар нэг нүх байлаа. Ямар ч пайзгүй, зул ч үгүй, зүгээр л нэг нүх, цаана нь өмхөрсөн ганц авс л байлаа. Тэр нүх рүү камерлинго шагайж хараад, баясан инээвхийлнэ. Араас нь бусад нь гүйцэж ирэхийг тэр сонсов. Хажуудаа тосон зулаа тавиад, бурханд дахин мөргөлөө.
Баярлалаа, бурхан минь! Бараг л дууслаа.
Гадаа хүн дүүрэн талбайд, кардиналуудын дунд Мортати кардинал тэртээ газрын гүнд болж байгаа явдлыг нэгд нэгэнгүй харуулах дэлгэцийг ширтэнэ. Юунд итгэхээ мэдэхгүй болчихсон байлаа. Түүний харж байгааг энэ дэлхий цөмөөрөө харж байгаа гэж үү? Бурхан үнэхээр камерлинготой ярилаа гэж үү? Үнэхээр тэр антиматери Гэгээн Петерийн шарилын дэргэд
«Хар даа!» хэмээн олон түмэн шуугилдлаа.
«Тэнд байна!» хэмээн хүн болгон дэлгэц рүү заана. «Энэ бол гайхамшиг!»
Мортати дээшээ харав. Камер савж хөдлөөд, дүрс нь тогтохгүй байсан ч юу харуулж байгаа нь тодорхой байлаа. Насандаа мартахгүй мөч.
Камерлинго шороон дээр суучихсан мөргөж байгааг араас нь харуулж байлаа. Өмнө нь байгаа ханан дээр нэг нүх байх ажээ. Тэр нүхэн дотор эртний нуранги чулуун дунд өгөрсөн авс харагдана. Тэр авсыг Мортати энэ насандаа ганц л удаа харсан боловч хэнийх болохыг нь лавтай мэдэж байлаа.
San Pietro.
Христийн шашны хамгийн нандин зүйлийг олж харсандаа энэ олон түмэн бишрэн, баясч давалгаа нүргэлэх мэт шуугисан гэвэл эндүүрэл билээ. Мортати тийм ч гэнэн биш. Гэгээн Петерийн шарил энэ олон хүний сөхөрч мөргөх зүйл биш байлаа. Шуугиулаад байгаа зүйл шарилын дээр нь тавиастай байв.
Антиматерийн канистер тэнд байлаа. Тэр бүхэл өдөржин байсан газартаа... некрополисын харанхуй дунд нуугдан байлаа. Урвуу тоолон, үхэл дуудсан хэвээр гөлийнө. Камерлингогийн зөв байжээ.
Мортати тэр тунгалаг цилиндрийг мэлрэн зогсоно. Өнгөгүй цагаан бөмбөлөг голд нь хөвсөн хэвээр. Канистер байгаа тэр нүх үхэл айсуй сүүлийн таван минутыг тоолох бүрт улаан өнгөөр анивчина.
Шарилын дээр канистерын хажууд, Швейцар жардын хяналтын камер хэвтэж канистерыг чиглэн, дүрсээ нэвтрүүлсээр.
Мортати өөрийгөө загалмайлан адислав. Энэ насандаа үзсэн хамгийн аймшигт дүрс энэ байлаа. Гэхдээ хормын дараа энэ байдал бүр ч муудлаа.
Камерлинго гэнэт бослоо. Тэгээд, антиматерийг аваад бусдынхаа зүг гүйв. Нүүрийг нь дэлгэц дүүрэн харуулж байлаа. Тэр бусдыгаа холдуулаад, некрополисыг уруудан, ирсэн зүг рүүгээ буцаад гүйлээ.
Камер Витториа Ветра дээр тусав. Бүсгүй тэвдсэн янзтай харагдана. «Та хаачихна вэ, камерлинго? Та хэлэхдээ ...»
«Сүсэглэгтүн!» хэмээн камерлинго гүйнгээ хашхирлаа.
Витториа Ландон руу эргэн: «Одоо яах вэ?» гэв.
Ландон камерлингог зогсоох гэж оролдсон боловч, Шартрон дундуур нь орж саатууллаа. Залуу эр камерлингод бүрэн итгэжээ.
ВВС-ийн камераас ирж байгаа дүрс бартаат замаар явж байгаа бололтой, эргэлдэн, доргин хөдөлнө. Оршуулгын цуваа шиг явж байсан тэр хүмүүс тэвдэн сандарч, харанхуй сүүдэр дундуур эргээд, некрополисын үүд рүү гүйлдэв.
Талбай дээр Мортати айх гайхах зэрэгцэн зогсоно. «Тэр одоо тэрийгээ нааш нь авчрах нь ээ?»
Бүх дэлхийн зурагтаар шууд гэхэд дэндүү шууд нэвтрүүлгээр камерлинго антиматерийг гартаа барьчхаад, некрополисоос амьд ертөнц рүү чиглэн, өгсөж явлаа. «Өнөө шөнө дахиад хэн ч үхэхгүй».
Камерлинго худлаа хэлж байгаа юм шиг байлаа.
Хэсэг 121

Камерлинго Гэгээн Петерийн ордны гулдан хаалгаар яг 11:56-д гарч ирлээ. Тэрээр бүх дэлхийн гайхшруулан, антиматерийг бурханд өргөх ариун тахил шиг урдаа барьчхаад, бүхний нүдний өмнө гүйж явна. Хагас нүцгэн, цээжиндээ шархтай тэрээр хар эрчээрээ гүйж яваагаа талбайд босгосон аварга том дэлгэцүүд дээр харж болох байлаа. Гэгээн Петерийн талбайд хурсан олны чимээ - уйлсан, хашхирсан, залбирсан, мөргөсөн - зүсэн зүйлийн чимээ баясал, айдас хоёрыг зэрэг илэрхийлсэн жигтэй сонсогдоно.
Биднийгээ нүглээс тонилгож хайрла хэмээн залбиран гүйсээр. Некрополисоос ирэх замдаа, камерлинго дэмийрчихсэн юм шиг байв. Одоо сүйрэх нь тодорхой боллоо. Роберт Ландон, Витториа Ветра хоёр түүнийг зогсоож, антиматерийг газрын гүнд нь хаяад, дээшээ гаргахыг оролдсон ч бүтсэнгүй. Сохор тэнэгүүд!
Камерлинго өөр өдөр сөн бол хэзээ ч ингэж чавхдан гүйж чадахгүй сэн билээ. Гэхдээ, өнөө шөнө бурхан түүнтэй хамт байлаа. Роберт Ландон камерлингог хориглох гэж оролдсон ч камерлингод чин сүсгээрээ хэзээд үнэнч, итгэлт Шартрон Ландоныг хориглосон. Сурвалжлагч нар саад болж чадахааргүй их ачаатай явж байв.
Бурхан шидээрээ өршөөдөг билээ.
Араас нь нөгөө хэд нь гарч ирэхийг камерлинго дэлгэц дээрээс харлаа. Сүүлийнхээ хүчийг шавхан байж антиматерийг толгой дээрээ өргөн гүйнэ. Тэгээд, Иллюминатид тамгалуулсныхаа хариуг авахаар гараа савлан, шатны уруу улам ч хурдан чавхадлаа.
Одоо хийх юм ганц л байна.
Шидийн юм шиг л хурдан байх хэрэгтэй.
Дөрвөн минут...

Ландон цуцаж ядарсандаа ордноос яаж гарснаа санахгүй шахуу байв. Хэвлэлийнхний хурц гэрэл дахин нүдийг нь гялбуулна. Камерлингогийн дүрс чанх урд нь хар эрчээрээ гүйж явахыг л харж байв. Хэвлэлийнхний прожекторын гялбам гэрэлд камерлинго дахиад л тунгалаг болж, гэрэлтэх мэт. Урагдсан дээл нь яг л нөмрөг шиг, банзал шиг харагдана. Дайсандаа тамлуулсан ч тэссээр явна. Камерлинго чигээрээ гүйсээр, хүмүүсийг сүсэгтэй байхыг уриалсаар, гартаа үхлийн зэвсэг барьчхаад олны зүг гүйнэ.
Ландон араас нь гүйсээр. Энэ юу хийгээд байгаа юм бол? Тэр хүмүүсийг бүгдийг нь хороох гээ юү?
«Сатааны бүтээлд бурхны сүмд байх газар үгүй!» хэмээн хашхирсаар, олныг түйвээн гүйнэ.
«Эцэг минь! Явах газар байхгүй шүү дээ» гэж Ландон араас нь хашхирлаа.
«Тэнгэр рүү хар! Бид дандаа тэнгэрээ мартчих юм».
Тэр эгшинд Ландон камерлинго хаашаа явж байсныг ухаарч, ариун дээд үнэн түүнийг бүчин авлаа. Тэр яг яасныг тодорхой хараагүй авч гадарлаж, аврал тэнгэрт байгааг мэдэв.
Од дүүрэн Италийн тэнгэр. Аврах гарц.
Камерлингог эмнэлэгт хүргэхээр дуудсан нисдэг тэрэг урд нь зогсч, дотор нь нисэгч нь суучихсан, харин сэнс нь зогсож байлаа. Камерлингог тийшээ гүйж очиход, Ландоны сэтгэл гэнэт догдлов.
Дотор нь элдэв бодол үерийн ус шиг түрэн ирэв.
Эхлээд Газар дундын өргөн уудам тэнгис санаанд нь буув. Ингэхэд, хэр хол билээ, тэр чинь? Таван бээр үү, арван бээр рүү? Fuimocino эрэг хүртэл галт тэргээр долоо орчим минут явдаг сан. Нисдэг тэргээр хэр удаан явах бол? Цагт 200 км-ийн хурдтай, зогсохгүй явахад яах бол? ... Хангалттай хол очиж шидчихээд, наашаа буцаж ирнэ гэхээр ... Гэхдээ өөр бас хувилбар байгааг санав. Урагшаа бараг л жингүй юм шиг гүйлээ. La Cava Romatia! Гантиг хадаар дүүрсэн энэ газар Ромын хойхно гуравхан бээрийн зайд бий. Хэр том билээ? Хоёр ам дөрвөлжин бээр байх. Гэхдээ, яг одоо бол хүнгүй байгаа нь лавтай. Тэнд канистерыг хаявал ...
«Бүгд гэдрэгээ!» хэмээн камерлинго хашхирна. Гүйж явахад нь цээж нь өвдөнө. «Холд! Холдоорой!»
Камерлинго тэднийг чиглэн ирэхэд нь нисдэг тэрэгний хажууд зогсч байсан Швейцар жардууд мэлэрч орхив.
«Гэдэргээ!» хэмээн дахин хашхирлаа.
Харуулууд тал тал тийшээ холдов.
Камерлинго нисэгчийн бүхээг рүү гүйн очиж, хаалгыг нь онгойлгоод: «Хүү минь, буу! Бушуул!» гэхийг бүх дэлхий харан гайхаж байлаа.
Нисэгч үсрэн буулаа.
Камерлинго бүхээг нэлээн дээр, тийшээ гарахын тулд хоёр гараараа зуурч өгсөх хэрэгтэйг харж байснаа, ард нь чичрэн зогсоо нисэгч рүү эргэж хараад, канистераа бариуллаа. «Барьж бай. Намайг орохоор өгөөрэй!» гэв.
Камерлинго бүхээгт үсрэн орох зуур Роберт Ландон хойноос нь хашхичин гүйж явааг харав. Одоо чи ойлгов уу? Одоо чи бишрэв үү?
Камерлинго нисэгчийн суудалд сууж, зарим нэг төхөөрөмжөө тохируулаад салхивчаар шагайж канистер руугаа сарвайлаа.
Нисэгч гар хоосон зогсч байв. «Тэр авчихлаа».
Камерлинго гэнэт түгшин: «Хэн?» гэж асуув.
«Тэр» гээд нисэгч гараараа заалаа.
Роберт Ландон канистер ямар хүнд байсныг гайхна. Ландон гүйж нисдэг тэрэгний нөгөө талд гараад, хэдхэн цагийн өмнө Витториатай хамт сууж байсан арын суудал дээр үсрэн гарлаа. Хаалгаа онгорхой орхиод, бүсээ бүслэв. Тэгээд өмнөө нисэгчийн суудал суугаа камерлинго руу хашхирлаа.
«Нисээрэй, эцэг минь!»
Камерлинго Ландон руу эргэж харвал царай нь байдгаараа цонхийчихсон байв. «Чи яаж байгаа нь энэ вэ?»
«Та нис! Би хаяя!» гэж Ландон хэлээд «Цаг алга аа! Зүгээр л энэ ариун нисдэг тэргээ бариад нис!» гэлээ.
Камерлинго хэсэг зогтусахад ард нь гялбалзах хэвлэлийнхний гэрэлд нүүр нь сүүдэртэнэ. «Би энийг ганцаараа хийж дөнгөнө. Би энийг ганцаараа хийх ёстой юм».
Ландон сонсохгүй байв. «Нис ээ, нис!» хэмээн хашхирлаа. Би танд туслах гэж байна аа гэснээ цагаа харснаа гацасхийлээ. Эцэг минь, гурван минут. Гурван минут дутуу байна.
Гурван минут дутуу байна гэдгийг сонсоод, камерлинго эргээд ухаанаа олох шиг болов. Эргэж хараад, нисдэг тэргээ жолоодлоо. Сэнс нь хүрхэрсээр дээшээ хөөрөв.
Эргэлдэх тоосон дотор Витториа гүйж явааг Ландон харлаа. Тэр хоёрын харц тулгарсны дараа бүсгүй яг л чулуу шиг шалан дээр туялганан уналаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 10:49 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
камерлинго өөрөө дэлбэлэх гэж бжээ, харин Ландон ороод суучихсан, одоо юу болдог бол опо, бурхан минь тэднийг аварч хайрлаач ... би хүртэл бурханд итгэдэг, шүтдэг болох нь ээ энэ чинь.
маш их баярлаааа хурдан оруулсанд


Top
   
PostPosted: Apr.21.15 11:22 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1140
Унших тусам киног нь хальт үзэж байсан санагдаад байх юм. Согтуу байсын болуу эсвэл дундаас нь үзсэн юм болуу. Энэ нисдэг тэрэгтэй хэсгийг бол үзэж байсан юм шиг.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Apr.21.15 11:51 am 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Dec.14.03 5:05 pm
Posts: 290
Location: Алс хязгаарт
Кино нь энэ тэнд үзэхээр байна уу


Top
   
PostPosted: Apr.21.15 12:06 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.18.06 6:54 am
Posts: 898
Би уншцан, бүх юмыг нь хэлчих үү? ккк :razz:


Top
   
PostPosted: Apr.21.15 12:25 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 122

Нисдэг тэрэг дотор моторынх нь дүнгэнээ, хаалгаар шуурах салхины улианд Ландон чих дүлийрэх шахав. Камерлинго машинаа дээш огцом хөөргөхөд, Ландоныг татах хүч өгзгөөс нь хавтгай болтол татах шиг боллоо. Гэгээн Петерийн талбай дахь гэрэл нэг хэсэг орчин тойрныг нь нэвт гэрэлтүүлж байснаа Ромын олон гэрэл дунд аажим шингэв.
Ландон антиматерийн канистерыг гараараа тас атгасан байлаа. Атгах тусам алга нь хөлс, цусанд нэвчин халтирамтгай болох шиг. Канистер дотор антиматерийн бөмбөлөг дусал тайван гэгч байрандаа эргэлдсээр, шингэн дэлгэц дээрх цаг урвуу тоолох үед, тод улаан гэрэл бүхээгийг нэлс хийлгэн гэрэлтүүлнэ.
«Хоёр минут үлдлээ!» хэмээн Ландон камерлинго руу хашхирахдаа, ингэж дээшээ хөөрөөд, хаана антиматерийг хаях гэж байгаа юм бол хэмээн гайхаж байлаа.
Хотын гэрэл доор нь дөрвөн зүг найман зовхист нэлэнхий гэрэлтэнэ. Өрнө зүгт Газар дундын тэнгисийн хаяа үзэгдэв бололтой хотын нэлэнхий гэрлийг тас хярган хав харанхуй, хоосон нүүгэлтэн үзэгдэв. Тэнгис Ландоны бодож байснаас хол ажээ. Эргийн дагуу нягтарсан гэрлийг харвал, тэнгист хаясан бөмбөгний арван килотонн тэсрэлтээс үүссэн аймшигт том цунами энэ хотыг баруун хатавчнаас нь үерлэн урсгах тухай бодсонгүй.
Ландон бүхээгийн цонхоор урагшаа харвал, гэнэт найдлага төрлөө. Чанх урд нь шөнийн тэнгэрт Ром хотын дунд орших нэгэн уул аниргүйхэн дүнсийнэ. Тэр уулын бэлээр цэг шиг жижиг гэрлүүд энд тэнд анивалзах нь баячуудын дүүрэг байлаа, харин бэлээсээ цааш нэг бээрийн цаана түнэр харанхуй ноёлох ажээ. Тэртээд нэг ч гэрэл үгүй - тас харанхуй.
Чулуун уурхай хэмээн Ландон бодов. La Cava Romana!
Хотын дунд дүнсийх тэр харанхуй уулыг харвал боломжийн талбайтай, бас ойрхон санагдлаа. Тэнгисээс ч ойрхон. Баясал огшоод явчихлаа. Камерлинго антиматерийг тийшээ л аваачъя гэж бодсон юм байна л даа! Нисдэг тэр тийшээ чиглэнэ. Гэтэл сэнс хүрчигнэн, онгоц хөөрөх хирээр тэр уул ойртох биш харин ч жигтэй еэ холдох ажээ. Ландон гайхаад, доошоо хяламхийн харлаа - айх гайхах хоёр нь бүр ч нэмэгдэв. Мянга мянган тохой доор, яг эгц доор нь хэвлэлийнхний гэрэлд нэлийх Гэгээн Петерийн талбай гялтайна.
Бид хоёр чинь Ватиканы дээр хэвээрээ байна шүү дээ!
«Камерлинго! Урагшаа яв. Бид хоёр хангалттай өндөр авчихлаа. Урагшаа явах хэрэгтэй. Энэ канистерыг Ватикан дээр хаяж болохгүй шүү дээ!» гэж Ландон камерлинго руу хашхирлаа.
Камерлинго дуугарсангүй, нисдэг тэргээ жолоодоход л хамар анхаарлаа хандуулсан харагдав.
«Хоёр хүрэхгүй минут үлдээд байна» хэмээн Ландон хашхираад: «Харж байна уу? Урд La Cava Romana байна. Хойшоогоо хэдхэн бээрийн зайд. Хоёулаа...»
«Үгүй шүү!» гэж камерлинго хэлэв. «Хэтэрхий аюултай юм байна. Уучлаарай!» гэлээ. Нисдэг тэрэг дээшээ хөөрнө. Камерлинго Ландон руу эргэж харж, эмгэнэнгүй инээмсэглээд: «Анд минь, чи ийшээ орж ирээгүй байсан бол дээр байсан юм. Би бүх юмаа зольсон юм шүү дээ» гэлээ.
Ландон камерлингогийн шийдсэн шинжтэй, ядрангуй харцыг ширтэн ... гэнэт ухаарлаа. Цус нь царцаад, эргэхээ больчих шиг болов. «Гэхдээ нэг тийшээ явж болно шүү дээ!»
«Дээшээ!» гэж камерлинго хэлээд, дуу нь чангаран: «Ганц гарц тийшээ л байна» гэв.
Ландон алмайрч орхив. Камерлингогийн санааг мань хүн буруу ойлгожээ. Тэнгэр рүү л хар!
«Тэнгэр рүү л явж байж шүү дээ» гэж Ландон ухаарав. Камерлинго антиматерийг доошоо хаях гэж огт бодоогүй ажээ. Нисдэг тэрэг хөөрч болох хамгийн дээд өндөр рүү Ватиканаас аль болох холдохыг бодож байжээ.
Энэ бол буцах замгүй аян байжээ.
Хэсэг 123

Гэгээн Петерийн талбайд Витториа дээшээ гөлийн зогсоно. Нисдэг тэрэг хөөрсөөр харанхуйд уусав - хэвлэлийнхний прожектор гүйцэж гэрэлтүүлэхээ ч болилоо. Хүрчигнэсэн моторынх нь чимээ хүртэл сонсогдохтой, үгүйтэй алсад дүнгэнэнэ. Бүх дэлхий даяар ... хүн бүхэн ... сүсэг бүхэн ...зүрх бүхэн ... нэгэн зүгт - дээшээ тэнгэр рүү ширтэн, хүзүүгээ хугалчих вий гэлтэй өлийн ав аниргүй амьсгаа даран хүлээнэ.
Витториагийн сэтгэл өмрөн өвдөж, гансралын туйлд хүрчээ. Нисдэг тэрэг хөөрч алга болоход, тэнгэрт Ландоны царай тодроно. Тэр юу бодоо юм бол? Ухаараагүй юм байх даа?
Талбай дээрх зурагтын бүх камер дээшээ харанхуй руу онилжээ. Далай мэт олон хүн дээшээ хараад хором мөч бүрийг чив чимээгүй тоолон хүлээнэ. Бүх зурагт ... Ром хотын одот тэнгэрийг үзүүлнэ. Витториагийн нүд нулимсаар дүүрлээ.
Бүсгүйн ард гантиг шатны хажууд 161 кардинал тэнгэр рүү дуу чимээгүй мэлрэн зогсоно. Зарим нь алга хавсарчээ. Дийлэнх нь хөшсөн мэт хөдөлгөөнгүй. Зарим нь уйлна. Чаг чагхийн хором бүр элс шиг асгаран урсана.
Гэр, бар, ажил, онгоц буудал, эмнэлэг - хаа сайгүй сүнс бүр дэлхий даяар нэгдэн аугаа их үйлийн гэрч болно аниргүй хүлээнэ. Эр эм хос гар гараа атгалцжээ. Зарим нь үр хүүхдээ энгэртээ наажээ. Time seemed to hover in limbo, souls suspended in unison.
Цаг хугацаа xaa байгаа нь мэдэгдэхгүй, сүнс далайд Гэнэт, Гэгээн Петерийн ордны хонх дайны харанга шиг аймшигтай яа донгинов.
Витториагийн хадар даган нулимс гүйнэ.
Тэгээд л, бүх дэлхий харж байтал, цаг дууслаа.
Хамгийн аймшигтай нь бүх зүйл огт аниргүй болж өнгөрөв. Ватикан хийдийн эгц дээр тэртээ холд цэг шиг гэрэл гялбана. Хормын дараа хэн ч хэзээ ч үзээгүй цэв цэвэрхэн, цав цагаан гэрэл нэлсхийв.
Айж байсан, хүлээж байсан юм боллоо.
Жижиг цагаан од шиг гэрэл гэнэт тэлж томрон томорсоор, ойртон ойртсоор, тархан тархсаар хормын төдий орчлонг тэр чигт бүрхэн авлаа. Нэлийсэн цагаан гэрэл аянгын хурдаар шөнийн харанхуй тэнгэрийг өдөр мэт саруул гэгээгээр гийгүүлсээр, тэртээ дээрээс хүмүүсийн зүг айсуй.
Олны царай аймшигт автан цонхийж, нэлийсэн гэрэлд үхсэн мэт цайран харагдах агаад гялбасан хурц туяанаас нүдээ халхлан, сүүлийнхээ амьсгалын нэгэн зэрэг авах шиг эхэр татацгаав.
Гэрэл энэ хорвоог хучин авах тэр эгшинд бурхны хүслээр болов уу гэлтэй хэний ч хэзээ ч бодож байгаагүй зүйл боллоо. Нэлийсэн гэрэл урсан ирснээ гэнэт хана мөргөсөн мэт зогсчхов. Тэсрэлт шилэн цонхны цаана болж байгаа гэлтэй. Цацраг нь хүрэх ёстой тэр газраа хүрээд цаашаагаа гүйх эсэхээ тээнэгэлзэн зогсох шиг. Cap дэлхийд ороод ирчих шиг нэлийсэн цагаан гэрэлт бөмбөлөг Ромын тэнгэрт хөвөлзөнө. Шөнө өдөр мэт гэрэлтэнэ.
Тэгээд цохилтын долгион ирлээ.
Цохилт хүчтэй, гүнзгий, сүнс зайлмаар аймшигтай. Чөтгөр тамаас тургих шиг хавь ойрыг сэгсчин, тоос шороо босгон, хуй май болж Ватикан хийдийн боржин суурийг хүртэл чичрүүлнэ. Хүмүүсийн уушгинаас эхэр татсан сүүлчийнх нь амьсгааг элэгдэн гаргаж, газар нэвсийтэл унагана. Сүмийн багана дэнжигнэнэ. Зөөлөн дулаахан салхи эрчээрээ талбайг бүхэлд нь тойрч, хээ хуартай баганыг тойрон исгэрч, хэрмийн ханыг мөргөн сарнина. Ертөнцийг сүйрлийг харахаар хурсан олны дээгүүр шороон манан татаж, дээрээс урсах долгионд цохигдон газраар нэг пургина.
Нэлийсэн гэрэл гэнэт эгшин зуур тэнгэрийг бүрхсэн шигээ эргээд хураагдав. Цацраг болгон ирсэн замаараа буцаж гүйн эхэлж тодорсон жижиг цагаан од шиг гэрэл болсноо... замхрав.
Хэсэг 124

Ийм олон хүн хэзээ ч ийм аниргүй байж үзээгүй биз ээ.
Гэгээн Петерийн талбайд тэнгэр рүү өлийн хөшсөн хүмүүс нэг нэгээрээ сэрэх мэт ухаан орж бие бие рүүгээ харах агаад гайхаж бахдаж дуусаагүй хэвээрээ. Хэвлэлийнхний гэрэл ч дээр дүнсийх шөнийн түнэр харанхуйгаас салж, эргээд газар дээрээ бууж ирлээ. Нэг хэсэг бүх дэлхий тэр чигтээ ухаан орж, амь орох мэт армаг тармагхан хөдөлгөөнд орж эхлэв.
Мортати кардинал өвдөг сөхрөн унаж залбирна. Бусад кардинал ч ар араасаа залбирч эхэллээ. Швейцар жард жадаа буулган, хүлцэнгүй номхон зогсоно. Чив чимээгүй. Хөв хөдөлгөөнгүй. Хүн нэг бүрийн зүрхэн дэх хоосон гайхшрал хайлан, дулаахан зөөлөн догдлол урсан ирлээ. Эмгэнэл. Айдас. Гайхал. Итгэл. Сүсэг. Саяхан ухаарсан, мэдэрсэн тэр аугаа хүчний өмнө биширсэн сэтгэл төрнө.
Хөөрхий Витториа гав ганцаараа дааман хаалганы өмнөх том цагаан шатан дээр хөл дээрээ тогтож чадахгүй эмгэнэн чичирнэ. Нүдээ аньжээ. Хээр талд холоос холд цохилох сүмийн хонх шиг нэг нэр сэтгэлийн угаас хамаг биеэр нь урсан урсан сонсогдоно. Ав ариун, гэхдээ аймшигтай хэрцгий сонсогдоно. Тэр сонсохыг хүсэлгүй бодлоосоо арчиж хаях гэж оролдов. Гэхдээ тэр нэр цуурайтан цуурайтан сонсогдоно. Бодлоосоо салгаж хаях гэж оролдох тусам сэтгэл өөрөө улам улам өвдөнө. Хүмүүсийн гайхал бахдалыг даган хуваалцах гэж хичээн ... антиматерийн аймаар хүч ... Ватиканы сүсэг ... камерлинго ... эр зориг ... гайхамшиг ... биеэ золиослох зориг ... бүхнийг санаандаа төсөөлөх гэж хичээнэ. Гэхдээ л тэр нэр амин голынх нь гүний гүнээс цуурайтан, сэтгэлийг нь орь ганцаар орхино.
Роберт.
Гэгээн Ангелийн сүмд түүний л төлөө ирсэн.
Түүний амийг нь аварсан.
Харин түүний бүтээлд өртөн хорвоог орхих нь тэр.
Мортати кардинал мөргөж байхдаа камерлинго шиг бурхны хоолойг сонсох сон гэж хүснэ. Гайхамшгийг үзэхийн тулд байдаг гэдэгт нь итгэх хэрэгтэй юм болов уу? Мортати шүтлэг ихтэй ч орчин үеийн хүн байлаа. Шүтлэгтэй ч гэсэн гайхамшиг байдаг гэдэгт итгэдэггүй хүн байв. Шүтлэг нь дандаа гайхамшгийн тухай... үхээд амилсан тухай*... хүний сүүдэр нь үлдсэн бүтээлгийн тухай** ... өгүүлдэг ч энэ бол байдаг л нэг домог гэж боддог байлаа. Яагаад гэвэл ингэсэн гэж итгэхэд дэндүү бэрх, ямар ч нотолгоогүй ажээ. Гайхамшиг гэдэг бидний үнэн байгаасай гэж хүсдэг үлгэр төдий л зүйл шүү дээ.
Гэтэл сая...
Дөнгөж сая харсан зүйлдээ итгэхгүй байхаар тийм их орчин үежсэн хүн юм гэж үү, би? Сая болсон явдал гайхамшиг байгаагүй гэж үү? Тийм шүү дээ! Камерлингод бурхны шивнэсэн хэдхэн үг бүх үйл явцыг эргүүлж, энэ шашин, энэ сүмийг аварлаа шүү дээ. Итгэхэд юу нь тийм хэцүү байгаа юм бэ? Бурхан юу ч хийгээгүй байсан бол бид юу гэж ярих ёстой байсан юм бэ? Ялгуусан эзэн минь хайхраагүй гэж хэлэх байсан юм уу? Энэ бүхнийг зогсоох чадалгүй байсан гэж хэлэх байсан юм уу? Гайхамшиг гэдэг л цорын ганц ил хариулт байгаа биз дээ?
Мортати кардинал сөхрөн мөргөхдөө, камерлингогийн сүнсийг бас даатган залбирч байлаа. Энэ залуухан гарын даа бурхнаас нотолгоо шаардахгүй итгэх ёстой гэдгийг өтөл насанд нь нүд үзтэл нотолж өгсөнд талархаж байлаа.
Сүсгийг нь ингэж шалгах юм гэж Мортати өмнө нь зүүдэлж ч байсангүй.
Гэгээн Петерийн талбайд чив чимээгүй байсан хүмүүс хэсэг бусаг шивнэлдэж байлаа. Удалгүй тэд шуугилдаж эхлэв. Тэгснээ талбай даяар хашхиралдаж эхэллээ.
«Хараач! Хараач!»
Мортати нүдээ нээн хурсан олны зүг харав. Бүгдээрэнгийнх нь царай цов цонхийж түүний ард байгаа Гэгээн Петерийн ордон руу чичлэн зааж байлаа. Зарим нь сөхөрч, зарим нь муужран, зарим нь эхэр татан уйлж байлаа.
Чичрэн мэгдэн хашхиралдах олны гар сунган заах тэр зүгт Мортати эргэн харлаа. Тэд Гэгээн Петрийн ордны дээвэр рүү, Есүс арван хоёр шавийнхаа хамт талбайг ширтэн байдаг тэр зүг зааж байв.
Тэнд Есүсийн баруун талд хурсан олны зүг гараараа даллан ... Карло Вентреска камерлинго зогсч байлаа.


* Библьд өгүүлснээр Есүс загалмайд хадуулан, тэнгэр болсныхоо дараа дахин амилсан гэдэг.
** Турины бүтээлгийн тухай энд өгүүлжээ. Өлмийд эшлэсэн тайлбар 1-ийг үзнэ үү.


Хэсэг 125

Роберт Ландон унахаа больжээ.
Айдас алга. Өвдөхөө ч больжээ. Салхи шуугих чимээ ч алга. Ус руу зөөлөн цүлхийн орсноо санавч одоо эрэг дээр тавтай яа унтаж байх ажээ.
Ухаан орж байгаагаа мэдсэн ч Ландон өөрийгөө үхчихсэн байгаа нь энэ үү хэмээн бодлоо. Тун сайхан байв. Бүх бие нь зөөлөн аажим мэдээ алдрах нь нэн таатай. Ингээд хаачсан ч яах вэ. Айдас, өвдөлт хоёрыг мэдрэхгүй нь аятайхан, амьдрал амласан ч тэр айдас, өвдөлт хоёр руу дахиж зүглэхгүй дээ гэж бодно. Хамгийн сүүлд үхэлтэй, тамтай учирсан мэт санагдаж байлаа.
Намайг аваад яв л даа...
Нэг хүн хацар руу нь алгадаж, амар амгалан сайхан мэдрэмжээс нь бүр холоос буцааж татаад байлаа. Амттай сайхан зүүднээс нь сэрээх гээд байв. Зүгээр байлга л даа. Сэрмээргүй байв. Баяр баясгаланг нь тойрон чөтгөрүүд цуглаад, тэр сайн сайхныг нь эвдэх гэж нүдэж байлаа. Нүүгэлтсэн дүрсүүд сүүмэлзэнэ. Хашхиралдана. Салхи шуугина. Боль л доо! Дургүйцэх тусам улам хүчтэй чаргууцалдацгаана.
Тэгээд, нөгөө зүг рүү эргүүлээд, аваад явчихлаа.
Нисдэг тэрэг дээд өндөртөө тулан хүрчигнэнэ. Ландон гарах газаргүй балмагдана. Хором өнгөрөх тусам хаалганы цаана байгаа Ром хотын гэрэл гэгээ холдон холдсоор. Гартаа байгаа канистераа шидчихвэл, хорь хүрэхгүй хормын дотор хагас бээр унах байлаа. Гэхдээ доор байгаа хүмүүсийн дээр нь унана.
Дээшээ! Дээшээ!
Ландон дээшээ хэр өндөрт байгаагаа мэдсэнгүй. Ердийн жижиг сэнст онгоц дөрвөн бээр өндөрт хөөрдөг. Энэ нисдэг тэрэг өдийд төдий орчим өндөр авсан байх аа. Хоёр бээр үү, гурван бээр үү? Боломж байж л байна. Цагаа зөв тооцож чадвал канистер унахдаа доор байгаа хүмүүст хүрэхгүй, дээрээ байгаа нисдэг тэрэгт хүрэхгүй аль алинд нь аюулгүй зайд дэлбэрнэ. Ландон доор гэрэлтэн эргэлдэх хот руу өнгийн харлаа.
«Тэгээд чи зөв тооцоолж чадвал ч ...» гэж камерлинго хэлэв.
Ландон давхийн цочиж, түүн рүү харлаа. Камерлинго түүн рүү хараа ч үгүй байж, бодол нь цонхны шилэн дээр ойсныг уншаа юм уу гэлтэй байв. Тэр нисдэг тэрэгнийхээ жолоог бариагүй, гараа жолооныхоо хүрднээс авчихсан байлаа. Нисдэг тэргээ авто удирдлага дээр нь ямагт дээшээ хөөрч байхаар тохируулаад тавьчихсан бололтой. Гараа дээшээ өргөөд, бүхээгийн дээд таазанд байгаа баахан цахилгаан утаснуудыг ухан, цаана нь хүний нүднээс нууж скочоор наасан түлхүүр гаргаж авлаа.
Тэгээд, урд хоёр суудлын хоорондох хайрцгийг хурдан гэгч онгойлгов. Тэндээс нийлэг эдээр хийсэн хар өнгийн том үүргэвч гаргаад өөрийнхөө хажуугийн суудал дээр тавилаа. Ландон учрыг нь ололгүй, дэмий л мэлэрнэ. Камерлинго маш дадмаг хөдлөх ажээ.
«Канистераа өг!» гэж камерлинго хатуу хахир хэллээ.
Ландон юу бодохоо ч мэдэлгүй канистераа камерлинго руу чулуудав. «Ерэн секунд дутуу шүү!»
Камерлинго антиматерийн канистерыг нямбай гэгч бариад, суудлын хоорондох нөгөө хайрцагт хийгээд, хүнд тагийг нь тавиад, түлхүүрээрээ түгжиж орхив. Ландон гайхан мэлэрсээр.
«Та юу хийгээд байгаа юм бэ?» гэж Ландон асуув.
«Хорхойгоо дарж байна» гэж камерлинго хэлээд хайрцгийн түлхүүрийг цонхоор шидчихлээ.
Цонхоор гараад, түнэр харанхуйд уусч одох түлхүүртэй хамт Ландоны сүнс нь зайлчихлаа.
Камерлинго нөгөө үүргэвчээ авч үүрээд, хоёр мөрөвчийг нь холбож урдаа бүслэн бэхэллээ. Тэгээд, гайхаж мэлэрсэн Ландон руу эргэн харав.
«Уучлаарай! Уул нь чи энд орж ирээд, ингэж үлдэх ёсгүй байсан юм» гэж хэлээд, бүхээгийн хаалгыг онгойлгон түнэр харанхуй шөнө рүү үсэрч одов.
Ландоны нүднээ сүүмэлзэх дүрсүүд овоо тодорч эхлэхдээ аймшигтай өвдлөө. Жинхэнэ өвдөлт! Яс мах нь аймаар өвдөнө. Чинэрч, бас янгинаж өвдөнө. Ингэж байснаас хурдан үхэх сэн. Чих нь усаар дүүрэн шуугиж, шинэ дүрс гараад ирлээ. Тарчлаа дөнгөж эхэлж байгаа нь энэ ажээ. Өөдөс сөөдөс үзэгдэнэ. Айдас хүйдсийн сүг. Хар дарсан зүүд, үхэл хоёрын хооронд гацчихаад, нэг мөсөн үхэх юм сан гэвч ухаан санаа нь улам тодрон, юу болсноо санаж эхлэв.
Антиматерийн канистерыг авч болохооргүй түгжчихсэн. Нисдэг тэрэг хөөрөх хэрээр цаг урссаар. Тавин секунд. Дээшээ, бүр дээшээ. Ландон бүхээг дотор галзуу юм шиг дүүлэн, дөнгөж сая юу болсныг ухаарах гэж оролдоно. Шүхэр хайн суудлын доодохыг ухсан ч олсонгүй. Дөчин секунд. Ямар нэг гарц байх л ёстой доо. Гучин таван секунд. Нисдэг тэрэгний онгорхой нээлхийгээр мань хүн цээжээ гаргаад, салхины шуугианд доор гэрэлтэх Ром хотыг харлаа. Гучин хоёр секунд.
Тэгээд шийдлээ.
Хэний ч санаанд оромгүй шийдэл...
Шүхэр байхгүй болохоор, Ландон шууд л үсэрчхэв. Түнэр харанхуй шөнө түүнийг нөмрөн авч дээр хүрчигнэх мотор, сэнсний дуу бүдгэрэн, чөлөөт уналтаар чулуу шиг ойчиж яваа түүний чихийг нь үрэх салхины шуугианд сонсогдохгүй боллоо.
Газар руу унаж явахдаа, тэрээр усанд үсрэлтээр хичээллэхээ больсноос хойш анх удаа бүх жингээрээ татах хүчний төв рүү шунгинаж яваагаа мэдэрлээ. Хурдан унах тусам, газар улам хүчтэй татаж, доош нь сүпхийтэл сорох шиг. Энэ удаа даан ч тавин тохой өндрөөс усан сан рүү үсэрсэнгүй, харин ... мянга мянган тохой өндрөөс төөлж хэмжээлшгүй урт цардмал хатуу зам, байшин барилга руу унаж явлаа.
Чих үрэн шунгинах салхины чимээн дунд, Колэрын сүнс авсан дотроосоо шивнэх шиг ... өнөө өглөө СЭРН-д чөлөөт уналтын хоолойн дэргэд ярьж байсан нь санаанд буулаа. Хааш хаашаа нэг мухар дэлэм талбай, унаж яваа биеийн хурдыг бараг хорин хувь бууруулдаг юм. Хорин хувь гэдэг ч ингэж унаж яваа хүн амь гарахад хангалттай биш л юм. Тэгээд, нисдэг тэрэгний хаалгаар үсрэхдээ, гартаа шүүрч авсан тэр юмаа бараг л зөнгөөрөө дэлгэв. Хэрэгтэй гэхээргүй зүйл байсан ч, ядаж л амьд үлдэх найдлага хэсэг зуур төрүүлжээ.
Нисдэг тэрэгний урд шилний халхавч бэрзээнт хойд хаалганы хажууд хэвтэж байлаа. Дөрвөлжин хэлбэртэй, дөрвийг харьцах хоёр дэлэм орчим, том гэгч тэр даавууг шүхэр гэхэд хэтэрхий бүдүүлэг эд байлаа. Нисдэг тэрэгний урд шилний араамд тохох зорилгоор хоёр талд нь нэг нэг гархи хадсанаас өөр тоноггүй ажээ. Ландон хоёр гархинаас нь атгаад, гөвөх мэт хөдөлгөөн агаарт хийлээ.
Хамгийн сүүлийн боломжоо алдахгүй ашиглах гэж махарна.
Амьд гарах ямар ч найдлага байхгүй шахуу...
Ландон чулуу шиг л унаж байлаа. Хөлөө доош жийж, гараа дээш өргөж гархинаас атгажээ. Халхавч сүрхийн дэлгэгдэж, дээр нь яг л мөөг шиг бөмбийв. Хурд огцом багасахдаа, Ландоныг бараг л ураад хаячих шахав.
Дээр нь нэг юм дэлбэрч байгаа бөглүү чимээ сонсогдов. Бодож байснаас хол дэлбэрчээ. Гэвч тэсрэлтийн долгионд даруй цохиуллаа. Ар өвөр хоёр талаас нь зэрэг хүчтэй цохих шиг болоход уушги няцарчхав уу гэлтэй. Дээрээс нь доошоо дулаан салхи төөнөн одов. Гархиа алдахгүйг хичээнэ. Бэрзээнт сүрхий далбалзан сүр cap хийсэн ч ашгүй тогтлоо.
Гэрэл сүүдрийн хязгаарт Ландон чулуу шиг унаж яваа нь яг л мянган тохой давлагаанаас зайлан, ирмэг даган, далайн эрэгт хөвөх сурфер шиг. Гэнэт нөгөө дулаан алга болчихлоо.
Дахиад л хүйтэн харанхуй дунд унаж явна.
Ландонд найдвар төрөв. Даан ч тэр найдвар удсангүй алга болчихлоо. Бэрзээнт унах хурдыг нь сааруулж байгаа гэж найдан гараа өргөсөөр, гэхдээ чихийг нь үрэх салхины чимээ хэнгэргийг нь хагалах шахуу чанга хэвээрээ байв. Ийм хурдан унаж байхад амь гарах магадлал тун бага юм байна даа. Газар мөргөж, няцарч үхэх нь дээ.
Толгой дотор тоо тооцоо эргэлдэвч ухаарах сөхөөгүй байлаа. ... Ам дөрвөлжин нэг дэлэм талбай ... унах хурдыг хорин хувь бууруулна... Дээрээ барьсан бэрзээнтийн багцааг харвал, унах хурдыг хориос илүү хувь сааруулах ёстой сон. Гэхдээ л доошоо унаж байгаа хурд, хэнгэрэг хагалам салхины чимээг бодвол бэрзээнт хэдий их сааруулсан ч гэсэн амьд үлдэх боломжгүй байлаа. Ийм хурдан унаж байхад доор цардмал талбай таарвал, ямар ч найдвар үгүй.
Ром хотын гэрэл доор нь нэлийн харагдана. Яг л харанхуй тэнгэрээс гэрэлт судал сүлжилдсэн, хэтэрхий нягт одтой хар нүх рүү унаж яваа санагдана. Гэрэлт одон хээ дундуур бүдүүн хар могой гулсах мэт харанхуй хар зурвас хотыг хоёр хэсэгт хуваана. Ландон тэр бүдүүн хар зурвас руу хялам хялам хийн харна.
Дахиад л сэтгэлийн угаас төрсөн найдвар хамаг биеийг нь бүлээцүүлэн тэврэв.
Баруун гар талынхаа гархийг байдаг хүчээрээ татлаа. Бэрзээнт барууншаа-хамгийн бага эсэргүүцэлтэй тал уруугаа хазайн улам илүү сэрчигэнэн дуугарна. Хажуу тал руугаа эргэж байх шиг Ландонд санагдав. Алга нь зүсэн өвдөхийг үл хайхран дахин баруун тал руугаа татлаа. Бие нь хажуу руугаа хазайж байгааг мэдэрнэ. Гэхдээ, хангалттай хазайсангүй. Дахин нөгөө хот дундуур мурилзах гэрэлгүй хар могой шиг зурвас руу доошоо өнгийн харлаа. Баруун талд л харагдана, би хангалттай өндөр байгаа болов уу? Хэтэрхий удаан хүлээсэн юм болов уу? Баруун тал руугаа байдаг хүчээрээ татан бурхнаас аврал эрлээ. Нөгөө мурилзах могойн хамгийн бүдүүн хэсгийг нь чиглүүлэн, бэрзээнтээ даялуулан залахыг хичээн ... насандаа анх удаагаа гайхамшиг гуйн бурханд залбирлаа.
Хормын зуур бүх юм болж өнгөрлөө.
Нөгөө хар зурвас руу ойртмогц ... шумбаж сурсан төрөлх зөн нь сэрж ... нуруугаа цэхлэн, хөлийнхөө өлмийг нугалан ... дотоод эрхтнээ хамгаалан уушгиа агаараар дүүргэж ... хөлөө цэхлэн хана мөргөдөг гуалин шиг болгоод ... тэгтэл ... Тибер мөрний зөөлөн ... агаарт сийрэгжин, хөөсөрсөн урсгал ... тогтмол уснаас гурав дахин сийрэг ус... цүлхийлээ.
Тэгээд л ... түнэр харанхуй.
Ус хүчтэй балбан цүлхийх чимээ тэнгэрт бөмбийх гэрлийг харж байсан хүмүүсийг давхийтэл цочоов. Энэ шөнө Ромын тэнгэрт харууштай юм их байлаа... эхлээд тэнгэр рүү эгц хөөрсөн нисдэг тэрэг ... дараа нь аймшигтай нэлийсэн их гэрэл, дэлбэрэлт ... одоо Тибер голын урсгал дунд Тиберина арлын хажууд тэнгэрээс юм нэвсийн уналаа.
1656 оны хар тахлын үед халдварт нэрвэгдсэн олныг энэ арал дээр тусгаарлаж байснаас хойш хүмүүс Тиберина арлыг анагаах шидтэй гэж итгэдэг болжээ. Тэгээд ч, Ромын эмнэлгийг энд байгуулж, арлынхаа нэрээр алдаршуулжээ.
Биеийг нь уснаас татаж гаргах үед, байдгаараа няцарсан байлаа. Гайхалтай нь тэр амьд, судас нь зөөлөн ч атугай цохилж байлаа. Тиберинагийн анагаах шид л энэ эрийн зүрхийг цохилуулаад байх шиг байна гэж тэр хүмүүс хоорондоо гайхан ярилцана. Хэдэн минутын дараа, нөгөө эр бүгшин ханиалгаад, ухаан орох тэр эгшинд, Тиберина арал үнэхээр анагаах шидтэй юм байна гэдэгт бүрэн итгэж биширлээ.
Хэсэг 126

Энэ дэлхий дээр энд болж байгаа гайхамшгийг дүрслэн хэлэх үг байхгүй дээ хэмээн Мортати кардинал бодно. Гэгээн Петерийн талбай дээрх нам гүм ямар ч ангелийн найрал дуунаас илүү чанга сүрлэг байлаа.
Мортати кардинал Вентреска камерлинго руу харах эгшинд сэтгэл зүрх хоёр нь түсхийтэл мөргөлдөв. Тэр бодитой, үнэн зүйл харж байлаа. Гэхдээ ... ийм байх учиргүй санагдана? Камерлинго нисдэг тэрэгт суухыг хүн болгон харсан. Нисдэг тэрэг дэлбэрч, тэнгэрт гэрлэн бөмбөлөг үүсэхийг ч харсан. Харин одоо, энд, камерлинго ордны дээвэр дээр, хүн олны дээр зогсож байдаг. Ангель тусалсан юм уу? Бурхан өөрөө дахин амилуулсан юм уу?
Ийм юм байж болохгүй шүү дээ...
Зүрх нь үүнд итгэх гээд байсан ч оюун нь шалтгаан хайгаад байлаа. Тойроод зогсох кардиналууд бүгд л Мортатигийн харж байгааг харж, гайхаж байгааг гайхаж байлаа.
Тэнд үнэхээр камерлинго зогсож байлаа. Эргэлзээгүй мөн байлаа. Гэхдээ жаахан өөр ... гэгээн харагдаж байлаа. Ариусаад ирсэн юм уу? Ингэхэд хүн үү, сүнс үү? Цагаан царай нь хэвлэлийнхний хурц прожекторын гэрэлд эгээ л агаарт хөвөх шиг үзэгдэнэ.
Талбайд хүмүүс уйлан, хашхиран, баясан шуугилдана. Хэдэн гэлэнмаа сөхрөөд суучихсан мөргөж байлаа. Хурсан олон шагшин давлагаална. Гэнэт талбай даяараа камерлингогийн нэрийг дуудаж эхлэв. Зарим кардиналын нулимс нүүрийг нь даган урсаж, хүмүүстэй хамт камерлингог дуудна. Мортати эргэн тойрноо мэлэрнэ. Энэ ер нь юу болоод байна вэ?
Карло Вентреска камерлинго Гэгээн Петерийн ордны дээвэр дээр зогсоод өөрийг нь ширтээ хурсан олны зүг харна. Зүүдлээгүй байгаа даа, би? Нэг л гэгээлэг сайхан байлаа. Тэнгэрээс Ватикан хийдийн цэцэрлэгт, Гэгээн Петерийн сүрлэг ордны сүглийх сүүдэрт, шүхрээ дэлгэн, зүлгэн дээр зөөлөн буусан тэр зүйл өөрийнх нь бие байв уу, сүнс байв уу? Одоо зогсож байгаа ордны энэ дээвэр дээр Медаллионы өргөн шатаар гүйн өгсөх тэр их чадлыг агуулсан зүйл өөрийнх нь бие байв уу, сүнс байв уу?
Бие нь сүнс шиг л хөнгөн санагдана.
Хурсан олон нэрийг нь дуудаж байсан ч тэд түүнийг шагшаагүй гэдгийг мэдэж байлаа. Амьдралынхаа өдөр болгон бурханд мөргөдөг камерлингогийн тэр их сүсэг шиг тийм их сүсгийг хүмүүс мэдрэн шагшиж байгаа нь тэр ажээ. Хөөрхий энэ хүмүүс, бурхны аугаа чадалд эргэлзэн, нотлохыг ямагт шаарддаг байсан хөөрхий энэ хүмүүс өнөөдөр тэр нотолгоог биеэрээ мэдэрч шагшин байгаа нь энэ.
Энэ эгшинг өгөөч гэж Вентреска камерлинго бүх насаараа бурхнаас гуйсан авч бурхан үнэхээр гуйсныг нъ өгчихлөө гэдэгт өөрөө ч итгэж чадахгүй байв. Баяссандаа хүмүүс рүү хашхирмаар санагдана. Бурхан чинь амьд шүү! Ойр тойрондоо байгаа гайхамшгийг мэдэр!
Камерлинго олны зүг харан, хэзээ ч байгаагүй сайхныг мэдрэн, хэсэг зогслоо. Тэгээд, шагших түмний зүг мэхийн ёслоод, арагш ухран дээврээс холдов.
Тэгээд, ганцаараа үлдээд, сөхөрч суугаад, наманчлан мөргөлөө.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 12:27 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Unuu margaashgui hariugui duuslaa. Yasan tevcheergui humuus ve? 137 hesegtei. Odoo arvaadhan heseg uldlee

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 1:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3721
Location: Ирмэг
Энэ ер нь иллюминати гэж огт байгаагүй, Ватиканы шашин сүсэг бишрэлийг мандуулах маш нарийн ажиллагаа байж л дээ :P

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Apr.21.15 1:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 713
гүй нээрээ яг үхчихлээ гэхээр амьд байдаг, ёстой нөгөө галд шатдаггүй, усанд живдэггүй гэдэг л бх даа, someone ч ёстой гялалзсан хүү юмаа , баярлалаа. Тэр сүүлийн 10хэдэн бүлэгт одоо бас юу байх юм бол, алуурчин янус 2 мажийчихсан, антиматэраа агаарт учрыг нь олчихсон, камэрлинго гол баатар 2 маань амьд, цаашаа юу болох юм бол


Top
   
PostPosted: Apr.21.15 2:29 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 127

Тойроод байгаа бүүдгэр дүрс холдон ойртоно. Нүд нь аажимдаа дасч эхэллээ. Хөл нь янгинан, ачааны машинаар дайруулчихсан юм шиг бүх бие нь булран өвдөнө. Хажуугаараа хэвтчихсэн байв. Өмхий үнэртэнэ. Тасралтгүй ус цалгилах шиг сонсогдоно.
Гэхдээ, аятайхан санагдахгүй байлаа. Хажууд нь бас хүмүүс ярьж байгаа сонсогдоно. Бүүдгэр цагаан юм үзэгдэнэ. Бүгдээрээ цагаан юм өмсдөг юм байх даа? Диваажинд юм уу, тэнгэрт байгаа байх нь! Хоолой нь шатах мэт өвдөхийг бодоход, тэнгэр л лав биш юм шиг байна.
«Бөөлжихөө больчихлоо. Эргүүлье» гэж нэг хүн Италиар хэлэх нь шийдмэг, мэргэжлийн сонсогдоно.
Ландоныг дээш нь харуулан аажуухан хэвтүүлнэ. Толгой нь гулжийчхав. Суух гэж өндийсөнд нэг гар хорьж, аажуухан хэвтүүллээ. Нэг хүн түүнийг нэгжиж, хармаанд нь байсан юмыг авч байх.
Тэгээд, дахиад л ухаан алдлаа.
Жакобус эмч шүтлэггүй хүн байлаа. Анагаах ухаан шүтлэгийг нь аль хэдийн аваад хаячихсан байв. Гэхдээ, өнөө шөнө Ватикан хийдэд болсон зүйл эрдмийнхээ логикт хэр итгэдгийг дахин нэг шалгаад авлаа. Одоо бүр тэнгэрээс хүмүүс унадаг болох нь ээ?
Тибер мөрнөөс татаж гаргасан хүнийхээ судасны цохилтыг шалгав. Бурхан л түүнийг аврах гэж мэрийсэн байх. Унахдаа ус хүчтэй мөргөснөөс болоод, ухаан алджээ, хэрэв Жакобус голын эрэг дээр нөхөдтэйгөө зогсоод, Ватиканы тэнгэрт болж байсан зүйлийг ажиглаж байгаад хараагүй бол мань хүнийг хэн ч анзаарахгүй, живэх байлаа.
«Е Americano (Нөгөө америк хүн чинь байна. ита)» гэж түүнийг уснаас татаж, хуурай газар гаргалцсан нэг сувилагч хэлжээ.
Нөгөө америк хүн! Америкчууд Ромд хэсүүчлэх нь дэндэж, сандвич гэх хачиртай талх италийн үндэсний хоол болох нь гэж ромчууд хошигнодог билээ. Гэхдээ америкчууд тэнгэрээс унадаг болбол ч арай дэндэнэ ээ. Жакобус үзгэн гэрлээ нүдэнд нь тусган, хүүхэн харааных нь хөдөлгөөнийг шалгаад: «Эрхэм ээ! Сонсож байна уу? Та хаана байгаагаа мэдэж байна уу?» гэлээ.
Нөгөө хүн дахиад л ухаан алдлаа. Жакобус гайхсангүй.
Хиймэл амьсгаа хийсний дараа, тэр хүн нэлээн бөөлжсөн билээ.
«Si chiama Robert London (Роберт Ландон гэдэг юм байна. ита)» хэмээн сувилагч жолооных нь үнэмлэхийг уншина.
Нөгөө хэд шалан дээр гаргаж ирээд, хэсэг амсхийв.
Байж боломгүй юм хэмээн Жакобус шагширна. Роберт Ландоныг Ватиканд туслан гүйж яваа америк профессор хэмээн зурагтаар гаргаж байсан билээ. Жакобус дөнгөж хэдхэн минутын өмнө Ландоныг антиматерийг аваад, Гэгээн Петерийн талбай дээрээс нисдэг тэргээр дээшээ хөөрч байхыг шууд сурвалжлагаар харсан сан. Жакобус нөхөдтэйгөө хамт эмнэлгийнхээ талбай дээр гүйн гарч антиматери гэрлэн бөмбөлөг үүсгэн, дэлбэрч байхыг харсан билээ. Яаж тэр хүн энд байж болох вэ дээ?
«Энэ чинь тэр хүн мөн» гэж нэг сувилагч үсээ арагш нь илбэн хэлээд: «Өмссөн пиджак нь мөн байна» гэлээ.
Гэнэт нэг хүн эмнэлгээс хашхичин гарч ирлээ. Өвчтөнүүдийнх нь нэг байв. Хөөрхий тэр бүсгүй галзуу юм шиг гүйн, гартаа радио барьчихсан, тэнгэр рүү занган, бурханд үнэн голоосоо мөргөн айсуй. Вентреска камерлинго Ватиканы ордны орой дээр шидийн мэт хүчээр дахин гарч ирлээ гэжээ.
Жакобус маргааш өглөө найман цагт ээлж нь буухаар, шууд сүм рүү очъё гэж шийдэв.
Ландоны толгой дээр маш хурц гэрэл асав. Тэр үзлэгийн ширээн дээр хэвтэнэ. Астригент юм уу, нэг химийн бодис үнэртэнэ. Нэг хүн түүнд тариа тариад, хувцсыг нь тайллаа.
Цыганууд л лав биш байна гэж хагас ухаандаа бодно. Харь гаригийнхан юм болов уу? Тийм юм ч байдаг гэсэн шүү. Аз болж нэг их тарчлаахгүй юм шиг байна. Юу хүсээ юм бол?
«Юу болоод байна?» гээд Ландон босоод суучхав. Гэхдээ, нүд нь гиюүрэн эргэлдэнэ.
«Attento! (Болгоомжтой. ита)» хэмээн нэг амьтан гүйгээд ирлээ. «Жакобус эмч» гэсэн пайз зүүсэн харагдана. Тэр яг л хүн шиг харагдаж байв.
Ландон гиюүрсээр «Би... бодохдоо ...»
«Аажуухан, Ландон гуай! Та эмнэлэгт байна».
Бүрэлзээд байсан нь аажимдаа гайгүй боллоо. Сэтгэл амрах шиг болов. Эмнэлэгт дургүй боловч харь гаригийнхны туршилтын туулай болсноос, энд байх нь хамаагүй дээр билээ.
«Намайг Жакобус эмч гэдэг» гэж тэр эр өөрийгөө танилцуулаад, юу болсныг тайлбарлав. «Та ч амьд үлдэх азтай хүн юм аа».
Гэхдээ нэг ч их азтай санагдахгүй байв. Нисдэг тэрэг ... камерлинго ... гээд л санаанд нь олон юм эргэлдэнэ. Бүх бие нь өвдөн тарчилна. Ус өгөхөд нь балгаад, амаа зайлав. Алган дээр нь шархны лент тавьж өгнө.
«Хувцас хаана байна?» гэж Ландон асуув. Түүнд цаасан даавуугаар хийсэн нөмрөг хөнтрүүлсэн байлаа.
Нэг сувилагч хэсэг хэсэг хэрчээд хаячихсан шаргал цамц, нэхмэл пиджакийг нь тавиур дээр овоолчихсон заана. «Усанд шалба норчихсон байсан. Таны хувцсыг тайлах хэрэгтэй байсан юм» гэлээ.
Харрис нэхмэл пиджакийг нь хэрчээд хаячихсан байхыг хараад, урвайж орхив.
«Таны хармаанд байсан самбай цаас норчихсон байхаар нь хаячихсан шүү» гэлээ.
Тэгж хэлэхэд нь, ууссан самбай цаас хамаг хувцсаар нь тарчихсан юм шиг жижиг жижиг цаасан бөөсөөр хучигдсан байхыг анзаарлаа. Галилеогийн Диаграмма-гаас энэ дэлхий дээр үлдсэн байсан сүүлчийн ганц хувь уусаад, алга болчихжээ. Дүйрч гиюүрсэн тэр яахаа мэдэхгүй, дэмий л мэлэрнэ.
«Таны хувийн эд зүйлийг хадгалсан шүү» гээд сувилагч бүсгүй хуванцар сагс руу дохив. «Түрийвч, камер, үзэг. Камерыг чинь чадлаараа л хатаах гэж оролдлоо».
«Надад камер байхгүй».
Сувилагч гайхасхийн, хуванцар сагсаа аваад, доторхийг нь харууллаа. Түрийвч, үзэг хоёртой нь хамт Sony RUVI камер байлаа. Одоо л саналаа. Колэр үүнийг түүнд өгөөд, хэвлэлийнхэнд дамжуулаарай гэсэн билээ.
«Таны хармаанаас олсон юм. Гэхдээ бараг л шинийг авах нь дээр байх аа даа» гэлээ. Сувилагч камерыг эргүүлж, хоёр хуруу дэлгэцийг нь харуулав. «Дэлгэц нь хагарчихсан байна» гэв. Гэнэт нүүр нь мишээснээ: «Гэхдээ дуу нь ажиллаж байгаа юм шиг байна, жаахан хэцүү юм» гэлээ. Тэгээд, чихэндээ наан чагнаснаа: «Нэг юмыг л дахин дахин давтаад байх шиг байна. Хоёр хүн хэрэлдээд байгаа юм уу даа» гээд Ландонд өгөв.
Ландон камер аваад чихэндээ наан сонсов. Дуу нь тасалдсан, төмөр шиг хяхарсан байсан ч ойлгож болохоор байлаа. Нэг нь ойрхон, нөгөө нь хол ярина. Хоёуланг нь танилаа.
Ландон цаасан даавуун нөмрөг хэлтрээд, тэр хоёрын яриаг шимтэн сонсоно. Тэр юу болж байгааг харж чадахгүй байсан ч ярианых нь аймшигт төгсгөлийг сонсоод, энэ камерыг хадгалж байсандаа баярлалаа.
Ээ, бурхан минь.
Нөгөө яриа дахиад л давтагдлаа. Ландон камерыг чихнээсээ буулгаад, дэмий л мэлрэн сууна. Антиматери ... нисдэг тэрэг ... болсон явдал эхнээсээ түүний толгойд эргэлдэнэ.
Тэгэхээр энэ чинь...
Дахиад бөөлжмөөр болов. Сэтгэлд нь төрсөн айдсаас болоод, Ландон ухасхийн үзлэгийн ширээнээс өндийж, хоёр хөл дээрээ чичрэн бослоо.
«Ландон гуай!» хэмээн эмч хэлээд, хорьж хэвтүүлэх гэлээ.
«Хувцас хэрэгтэй байна» гэж Ландон хэллээ. Араараа задгай нөмрөг нь нуруугаар нь сэвнэ.
«Гэхдээ та амрах хэрэгтэй».
«Би гарлаа. Хувцас хэрэгтэй байна».
«Үгүй ээ, гэхдээ та...»
«Гарлаа, гарлаа».
Өрөөнд байсан эмч сувилагч нар бие бие рүүгээ гайхан харцгаав. «Манайд хувцас байхгүй шүү дээ. Маргааш танай нөхдөөс нэг нь хувцас авчрах биз».
Ландон амьсгаагаа дараад, эмч рүүгээ цоо ширтэн: «Жакобус эмч ээ! Би одоо энэ хаалгаар гараад явна. Надад хувцас хэрэгтэй байна. Би Ватикан руу явна. Хэн ч өмнө нь Ватикан руу бөгсөө гялалзуулаад, шалдан орж байгаагүй шүү дээ. Та ойлгов уу?» гэлээ.
Жакобус эмч алмайран, шүлсээ залгиад: «Энэ хүнд нэг өмсчихмөөр юм олоод өг!» гэлээ.
Ландонд Тиберина эмнэлгээс гарахад яг л эргээд скаут, болчихсон юм шиг санагдана. Мэргэжилдээ гарамгайг нь илтгэсэн олон зураас чимэгтэй түргэн тусламжийн эмчийн хүрмийн энгэрийн цахилгааныг нь татаад өмсчихсөн байлаа.
Хамт яваа хүүхэн нь махлаг агаад ижилхэн хүрэм өмсжээ. Эмч тэр хүүхэнд Ландоныг даатгаж, хамаг хурдаараа Ватикан руу хүргэж өгөхийг даалгажээ.
«Molto traffico (Түгжрэл ихтэй байгаа даа. Ита.)» гэж Ландон хүүхэнд Ватикан хавийн зам машинаар дүүрчихсэн тухай сануулан хэллээ.
Хүүхэн тоосон шинжгүй хүрмэн дээрх нэг тэмдэг рүүгээ заагаад «Sono conducente di ambulanza (Түргэний машиныг гарамгай жолоодсоны төлөө. Ита.)» гэлээ.
«Ambulanza?(Түргэний машин аа? ита)» Ойлгомжтой. Ландон түргэний машинаар явах нь.
Бүсгүй Ландоныг дагуулан байшингийн булан тойрлоо. Урсгал усан дээр тавьсан гүүргэн дээр хөлөг нь зогсч байлаа. Түүнийг хараад, Ландоны бие нь хөшөөд, царцаж орхив. Нэлээн хуучирсан нисдэг тэрэг, дээр нь Aero-Ambulanza (Аэро-түргэн тусламж) гэж бичжээ.
Ландон толгойгоо сэгсрэв.
Бүсгүй инээвхийлэн: «Ниснэ, Ватикан руу. Хурдан очно» гэлээ.
Хэсэг 128

Гайхаж бахадсан кардиналын чуулга Систин цогчны зүг гэрэл цахилгаан дунд эргээд орлоо. Харин Мортати кардинал эргэлзсэн хэвээр. Энэ эргэлзээ нь улам гүнзгийрч хуйлран, түүнийг газар дэлхийгээс аваад явчих вий гэмээр. Тэр гайхамшгийн тухай эртний гэрчлэлд итгэдэг ч саяхан харсан бүхэн нь ойлгож ухаарахын аргагүй байлаа. Насан туршдаа, далан есөн жилийн турш амьдралаа зориулсны дараа л, сая болж өнгөрсөн бүхэн түүний сүсгийг амьд, бадрангуй болгож байлаа. Гэхдээ л ... бодох тусам итгэхэд улам хэцүү ажээ. Ямар нэг юм биш байлаа.
«Мортати эрхэм ээ!» хэмээн хашхирсаар Швейцар жардын нэг харуул айсуй.
«Таны хэлснээр бид дээшээ дээвэр рүү гарч үзлээ. Камерлинго ... махан биетэн мөн байна! Тэр үнэхээр амьд хүн байна! Сүнс биш! Бидний мэддэг тэр хүн мөн байна» гэлээ.
«Тэр тэгээд чамтай ярьсан уу?»
«Тэр сөхрөөд, чимээгүй мөргөж байсан. Бид саад болж түвдсэнгүй». Мортати гайхсан хэвээр: «Очоод ... кардиналууд хүлээж байна гээ» гэв.
«Эрхэм ээ! Нэгэнт тэр чинь хүн юм болохоор...» гээд харуул түгдчив.
«Тэгээд юу гэж?»
«Нөгөө цээж нь ... түлэгдсэн шархтай шүү дээ. Шархыг нь сувилах уу? Их л өвдөж байгаа байх даа».
Мортати энэ тухай бодсон байлаа. Шашинд насаараа зүтгэсэн боловч ийм зүйл түүнд хэзээ ч тохиолдож байгаагүй билээ. «Тэр хүн мөн юм бол хүнд үйлчилдэг шиг л үйлчил. Усанд оруул. Шархыг нь сувил. Шинэ дээл өмсөг. Бид түүнийг Систин цогчиндоо хүлээж л байя».
Харуул гүйн одов.
Мортати цогчин руу алхана. Бусад кардинал аль хэдийн цогчин руу орчихсон хүлээж байлаа. Дээшээ өгсөж явахдаа, тэр Хаан шатны өлмий дэх бандан сандал дээр Витториа Ветра ганцаараа сууж байхыг харлаа. Харцнаас нь ганцаардал, гансрал үзэгдсэнд очмоор санагдсан боловч одоохондоо завдахгүй байлаа. Ажилтай байв ... гэхдээ ямар ажил вэ гэдгээ өөрөө ч мэдэхгүй л явлаа.
Мортати цогчин руу оров. Тэнд хүмүүс гайхал бишрэлдээ автан шуугилдана. Дааман хаалга хаагдлаа. Бурхан өршөөх болтугай!
Тиберина эмнэлгийн давхар сэнст Аэро-түргэн тусламж Ватикан хийдийн ард эргэлдэн, дотор нь Ландон шүдээ хавиран чичирч, энэ амьдралдаа унах хамгийн сүүлийн нисдэг тэрэг минь энэ байгаасай хэмээн бурхнаас гуйна.
Яг одоо Ватиканы санаа хамгийн бага зовж байгаа асуудал бол Ватиканы агаарын зайн хууль гэж ятгасны хүчинд, Ландон нисэгч хүүхнийг хэрмийн араас оруулж харанхуй дунд, Ватиканы нисдэг тэрэгний буудалд газардууллаа.
«Grazie (Баярлалаа. ита)» хэмээн хашхирч, газар буулаа. Нисэгч хүүхэн түүн рүү уруулаа цорвойлгон үнсэлт үлээгээд, хөөрч, хэрмийн хана даван түнэр харанхуй руу нисч одлоо.
Ландон гүнзгий амьсгаа аваад хийх гэж байгаа зүйлээ дахин тунгаан, бодлоо цэгцэллээ. Камераа гартаа барьсаар, тэр өдөр унаж явсан гольфийн картаа уналаа. Өдөржин цахилгаан тасарсан болохоор цэнэг унаж байгааг дэлгэц дээр зааж байв. Цэнэгийг нь дэмий үрэхгүйн тулд гэрлийг нь асаалгүй унаад явлаа.
Түүнээс гадна, Ватиканд ирснээ хэнд ч мэдэгдэхийг хүссэнгүй.
Мортати кардинал Систин цогчин дотор үймсэн олныг харж гайхан зогсоно.
«Энэ бол үнэхээр гайхалтай! Бурхан л ийм гайхамшиг бүтээж чадна!» гэж нэг нь хашхирав.
«Тийм шүү! Бурхан түүний чин хүслийг ивээсэн байж таарна» гэж нөгөө нь дэмжинэ.
«Камерлингог Пап болгоё! Хэдийгээр тэр кардинал биш ч гэсэн бурхан бидэнд гайхалтай сайхан билэг үзүүллээ шүү дээ» гэв.
«Тэгье! Цуурганы хууль бол хүний хууль, харин бурхны зарлиг бол юу юунаас ч дээгүүр байх ёстой. Одоо даруй саналаа хураая!» гэж нэг нь дэмжин хашхирлаа.
«Санал хураах аа? Тэр чинь ч миний ажил байх шүү!» гэж Мортати явуут дундаа хэлэхэд, хүн бүхэн түүн рүү гайхан харлаа.
Кардиналууд түүн рүү ширтэж байгаа нь мэдрэгдэнэ. Түүний үг тэдэнд доромжлол юм шиг сонсогдож байх шиг. Тэнд байгаа хүмүүсийн нүүрийг харвал, гайхамшгийг харж биширсэн, түүндээ ухаан зулаггүй итгэсэн харагдана. Мортати тэгсэнгүй. Зүрхэнд нь нэг л гансрал төрөн өвдөж, яагаад гэдгийг нь тайлбарлаж чадахгүй шанална. Энэ ариун ёслолыг ариунаар нь явуулахаар тангарагласан түүний дотор эсэргүүцэж чадашгүй нэгэн сэжиг төрөөд байлаа.
«Нөхөд минь!» хэмээн тахилын ширээний өмнө очоод Мортати кардиналуудад хандав. Өөрийнх нь дуу хоолой биш юм шиг санагдана. «Би өнөө шөнө харсан зүйлийнхээ учир утгыг тайлах гэж энэ насныхаа үлдсэн амьдралыг зориулах биз ээ. Гэхдээ камерлингогийн тухай та бүхний санал болгож байгаа зүйл ... яавч бурхны хүсэл биш байлтай!»
Танхим тэр чигтээ аниргүй болчхов.
«Та ... та яаж ингэж хэлж чадаж байна вэ?» гэж эцэст нь нэг кардинал хашхирлаа. «Камерлинго шашныг аварлаа! Бурхан камерлинготой шууд ярилаа! Үхлийг даван тууллаа! Өөр ямар бэлгэ танд хэрэгтэй юм бэ?»
«Камерлинго наашаа ирж яваа. Хүлээе. Саналаа хураахаас өмнө юу гэхийг нь сонсъё. Тэр ямартай ч тайлбарлах биз» гэж Мортати өгүүлэв.
«Тайлбарлах аа?»
«Би Их сонгогчийн хувиар цуурганы хуулийг мөрдүүлэх тангараг тавьсан хүн. Эрдэнийн хуулиар бол камерлинго Пап болоход нийцгүй хүн. Тэр бол гэлэн ... гарын даа төдий хүн. Нас нь ч бас нийцгүй байна». Кардиналууд түүнийг жигшин харж байгааг мэдэрлээ. «Санал хураахыг зөвшөөрнө гэдэг би та бүхнийг Ватиканы хуулиар бол нийцгүй хэмээн тооцогдох хүнийг сонго хэмээн зөвшөөрсөн болно. Ариун тангаргаа зөрч гэж би та бүхнийг ятгасан болно шүү дээ!»
«Гэхдээ энэ шөнө болсон зүйл манай хуулиас хэтийдсэн зүйл шүү дээ!» гэж нэг нь уцаарлав.
«Тийм үү?» гэж Мортати сөргөж асуугаад: «Шашны дүрмээ зөрч гэж байгаа нь бурхны хүсэл хэрэг үү? Жигтэй бүхэнд хөтлөгдөн учир шалтгааныг умарт гээд байгаа нь бурхны хүсэл хэрэг үү?» Энэ үгс өөрийнх нь хаанаас хөврөн гарсныг Мортати өөрөө ч мэдсэнгүй.
«Гэхдээ чи сая бидний харсныг хараагүй хэрэг үү?» гэж нэг нь илэрхий уурсан хашхирав. «Ийм гайхалтай чадлыг чи яаж өөнтөглөж чадаж байна вэ?»
Мортати дуугаа намсган, ямар доогуур хөгөөр ярьж байгаагаа өөрөө ч гайхна. «Би бурхны чадлыг өөнтөглөөгүй! Бурхан л биднийг учир шалтгааныг хайж, шүү гэсэн! Бурханд л эрүүл ухааныг барин зүтгэж байна!» гэлээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 2:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6298
Location: Энд
Наад муу Камерлинго чинь хэргийн эзэн юм бнөө. Нисдэг тэрэгнээс үсрэхдээ Ландоныг яагаад авч яваагүй юм өөрөө бол дэлбэрчихээд бурхан намайг амилуулсан гэж ярих гэж бгаа биз. Яг шашингаа мандуулах гэж хүмүүсийн сонирхлыг татах гэж ийм юм хийсэн юм бна л даа. Бас тэр Гэгээн Петрийн шарил руу хэдэн удаа ирж бсан нтр гээл. Гэхдээ Мортати кардинал бас нэг удаа очиж бсан гэхээр Ватиканыхан дуртай үедээ очдиймуу хаашаа юм.

За маш их баярлалаа Someone-аа :wd: :wd:

За энэ бичлэгт ч камерлингогийн булхай илрэх бололтой даг аа.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.21.15 4:10 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 146
Location: S.Korea
Маш их баярлалаа Someone
Камерлинго хүмүүсийг бишрүүлсэн шиг л гайхалтай хурдан байна.


Top
   
PostPosted: Apr.21.15 4:31 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 129

Систин цогчны гадаа Хаан шатны доод дэвсгийн дэргэд урт бандан сандал дээр Витториа Ветра гиюүрэн сууна. Арын хаалганы тэндээс нэг хүн гүйж явахыг хармагцаа сүнс үзсэн юм шиг загзайв. Эмнэлгийн түргэн тусламжийн хувцастай хүн өөрөө боолттой, тэгээд бас хазганан явж байлаа.
Бүсгүй нүдэндээ ч итгэсэнгүй. «Ро ... бэрт?»
Тэр дуугарсангүй, шууд ирээд л тэврээд авлаа. Уруул дээр нь уруулаараа чанга гэгч дарсан нь баярлаж, сэтгэл догдолсон үнсэлт байв.
Витториагийн нулимс өөрийн эрхгүй бөмбөрөн, хоолой нь зангирна. «Ээ, бурхан минь ... баярлалаа».
Тэр дахин нэг удаа шунан үнсэхэд, Витториа урагш тэмүүлэн, түүнд биеэ бүрэн тушаалаа. Бие биедээ олон жил ээнэгшсэн хос шиг тэврэлдэнэ. Бүсгүй айдас, гансралыг агшин зуур мартав. Нүдээ аньжээ. Яг л жингүй хөвж яваа шиг санагдана.
«Тийм шүү!» хэмээн нэг нь хашхирахад, Систин цогчны дотор цуурайтаж байв. «Бурхан ивээлийг хүртээгүй хэн ийм аймшигт тэсрэлтийг тойрч амь гарах билээ?» хэмээн асуув.
«Би чадна» гэж нэг хүн цогчны үүд хавиас чанга хашхирлаа. Мортати, кардиналууд бүгдээрээ цогчны голоор алхах хүнийг сая л таньж, мэлэрнэ. «Ландон гуай юу даа?»
Ландон чимээгүйхэн цогчин руу хазганан орж ирлээ. Витториа Ветра хамт орж ирэв. Ард нь хоёр харуул асар том зурагт ачсан чиргүүл түрж явна. Зурагтаа залгуурт залгаж бэлдэхийг хүлээн, Ландон чимээгүй номхон зогсоно. Зэхэж дуусмагц, Ландон дохиж, харуулууд гараад, дуганы үүдийг хаав.
Ландон, Витториа хоёр кардиналуудтай хамт үлдлээ. Ландон Sony RUVI камераа зурагтад холбоод, удирдлагынх нь товчийг нь дарав. Зурагт амь орон жирэлзэв.
Зурагтаар Папын ажлын өргөө гарч байна. Нууц камераар бичсэн бололтой бичлэг нь жигтэй хачин чичирхийлж байлаа. Дэлгэцийн голд камерлинго ил зуухны өмнө зогсжээ. Тэр шууд камер руу харж яриад байгаа юм шиг байсан ч удалгүй энэ бичлэгийг хийсэн тэр хүнтэй ярьж байгаа нь ойлгомжтой болов. Энэ бичлэгийг СЭРН-ий захирал Максимлиан Колэр хийсэн гэдгийг Ландон кардиналуудад тайлбарлалаа. Цаг орчмын өмнө Колэр тэргэнцрийнхээ гар дор харагдахааргүй байрлуулсан камераар камерлинготой хийсэн энэ уулзалтынхаа бичлэгийг нууцаар хийсэн ажээ.
Кардиналууд бичлэгийг галзуу юм шиг шимтэн үзнэ. Тэр хоёр ярилцаж эхэлмэгц Ландон чимээгүй болов. Тэдэнд үзүүлэх гэсэн зүйл одоо удахгүй гарна даа...
«Леонарда Ветра өдрийн тэмдэглэл хөтөлж байсан юм уу? Тэгвэл энэ чинь СЭРН-д л сайн юм биш үү? Ялангуяа, антиматерийг хэрхэн гаргаж авсан тухай бичсэн бол ч ...» хэмээн камерлинго өгүүлнэ.
«Үгүй дээ. Яаж гаргаж авсан нь Леонардотай хамт алга болсон. Гэхдээ тэр тэмдэглэлд бас өөр хүний тухай дурджээ. Таны тухай» гэж Колэр цохов.
Камерлинго балмагдан: «Ойлгосонгүй» гэлээ.
«Тэнд Леонардо өнгөрсөн сард тантай уулзсан тухайгаа тэмдэглэжээ».
Камерлинго нэлээн тэвдэнгүй хаалга руу харснаа: «Рошер надаас асуулгүй таныг ийш нь нэвтрүүлэх ёсгүй сэн. Та яаж ирээ вэ?» гэв.
«Рошер юу болсныг мэдэж байгаа. Би утастаж таны юу хийгээд байгааг хэлсэн юм».
«Намайг юу хийгээд байгааг уу? Та юу ч ярьсан гэсэн Рошер бол Швейцар жард. Шашиндаа итгэдэг болохоор нэг муу эрдэмтнээс илүү камерлингодоо итгэдэг юм».
«Тэр шашиндаа итгэдэг болохоор танд итгэхгүй байгаа юм. Цэргүүдийнх нэг нь шашнаасаа урвасан гэдэгт тэр итгэж чадахгүй байсан юм. Тиймээс өөр ямар шалтгаан байх вэ гэж эрэлхийлж байсан хэрэг».
«Тэгээд та тэр шалтгааныг нь тайлбарлаж өгөө юү?»
«Үнэнийг хэлж өгсөн юм. Аймшигт үнэнийг».
«Рошер танд итгэсэн юм бол яагаад намайг баривчлаагүй юм бэ?»
«Би битгий тэгээрэй гэсэн юм. Би чимээгүй үлдье, харин чи намайг камерлинготой уулзуул гэж тохирсон юм л даа».
Камерлинго хүйтэн зэвүүн хөхөрнө. «Чи тэгээд хэн ч итгэхгүй юм яриад шашныг буруутгая гэж бодоо юу?»
«Хэнийг ч буруутгах гээгүй байна. Би зүгээр л үнэнийг таны амнаас сонсъё гэсэн юм. Леонардо Ветра чинь миний найз байсан юм шүү дээ».
Камерлинго юм ярих шинжгүй, Колэр рүү ширтэнэ.
«За тэгвэл би эхлээд яръя» гээд Колэр өгүүлрүүн: «Сар гаруйн өмнө Леонардо Ветра тантай ярьж Паптантай яаралтай уулзах хэрэгтэй байна гэжээ. Паптан Леонардогийн ажлыг биширдэг байсан болохоор, бас Леонардо онц чухал гэж хэлсэн болохоор та тэр хоёрыг уулзуулжээ.»
Камерлинго уцаарлангуй царайлан, ил гал руу харж зогслоо. Юу ч хэлсэнгүй.
«Леонардо Ватиканд маш нууц байдалд иржээ. Учир нь тэр охиндоо өгсөн тангаргаа эвдэж, түүндээ их л гэмшиж байсан ч өөр арга байхгүй гэж шийдэж л дээ. Судалгааныхаа үр дүнд хөөрхий тэр их л цочирдож, шашнаас ёс зүйн заавар авъя л гэж бодож. Тэгээд л Пап та хоёртой хийсэн нууц уулзалтынхаа үеэр шашинд гүнзгий нөлөө үзүүлж болохуйц нээлтийнхээ тухай ярьж өгчээ. Тэр нээлт нь Үүтгэл физикийн хувьд бодитой байж болох тухай, энергийн хэт хуралдал, Леонардогийн үүнийг л бурхан гэж боддог байсан юм, бүтээлийн тухай домгийг давтаж болох тухай ярьжээ.»
Тэгснээ хоёулаа хэсэг чимээгүй болов.
«Паптан гайхаж биширсэн байна» гэж Колэр өгүүлрүүн: «Тэгээд, Леонардог бүтээлээ нийтлүүлэхийг хүсжээ. Дээрхийн Гэгээн эрдэм, шашин хоёрын сөргөлдөөнийг эцэслэж, энэ хоёрыг холбохыг насаараа мөрөөдсөн нэгэн билээ. Тэгээд, Леонардо эргэлзээд байсан зүйлийнхээ тухай, ёс зүйн заавар хүссэн тэр зүйлийнхээ тухай ярьжээ. Библьд өгүүлсэн шиг бүтээлийг давтсан туршилт бүх зүйлийг хос хосоор нь үүтгэжээ. Эсрэг тэсрэгээр нь. Гэрэл, сүүдэр гэдэг шиг. Ветра материйг бий болгоод зогсоогүй антиматерийг бий болгожээ. Цааш нь ярих уу?»
Камерлинго чимээгүй л байлаа. Доошоо бөхийгөөд, нүүрс авч гал руу шидэв.
«Леонардо ийшээ ирсний дараа та түүний ажлыг нь харахаар СЭРН рүү очжээ. Леонардогийн тэмдэглэлд таныг биеэрээ лабориторьт нь ирсэн гэжээ» хэмээн Колэр өгүүлэв.
Камерлинго толгойгоо өргөн түүн рүү харлаа.
Колэр цааш нь өгүүлсээр. «Паптан өөрөө айлчилсан бол хэвлэлийнхний анхаарлыг татах байж л дээ. Тэгээд тэр таныг тийш нь явуулжээ. Леонардо таныг нууц лабориторьтоо дагуулан явж, антиматерийн аннигиляц, Их тэсрэлт, Бүтээлийг үзүүлжээ. Тэгээд, зогсолгүй түүний нээсэн аргаар антиматерийг их хэмжээгээр гаргаж авч болно гэдгийг харуулах гэж нэлээн их хэмжээгээр гаргаж аваад, нууцаар нөөцөлсөн байснаа ч харуулжээ. Та ч бас гайхаж биширсэн байна. Тэгээд, та Ватикан хийд рүү буцаж, Паптанд юу харснаа илтгэжээ».
Камерлинго санаа алдан: «Тэгээд таны санааг юу зовоогоод байгаа юм бэ? Би антиматерийн тухай юу ч мэдэхгүй царайлж Леонардогийн надтай хуваалцсан нууцыг задлахгүй байгаа нь таныг зовоогоод байгаа юм уу?» гэлээ.
«Үгүй ээ. Леонардо Ветра танай тэр бурхныг чинь оршин байдгийг бараг л баталчхаад байхад, та түүнийг хөнөөсөн чинь л намайг зовоогоод байна!» гэлээ.
Камерлинго түүн рүү эргэж хараад, жишим ч үгүй зогсоно.
Гал чад пад хийн шатна.
Гэнэт камер чичирхийлж, өмнүүр нь Колэрын гар харагдав. Тэр тэргэнцрийнхээ доор бэхэлсэн юмыг авах гэж бөхөлзөөд байгаа бололтой. Тэгээд арагшаа суухдаа, гартаа буу барьчихсан байлаа. Гарын тохой сунан, буу барьчихсан, тэр нь камерлингог шууд чиглэсэн байгааг камерын дурангийн өнцөг тодорхой харуулна.
Колэр: «Нүглээ наманчил, эцэг минь!» гэлээ.
Камерлинго давхийн цочиж: «Чи эндээс амьд гарч чадахгүй шүү дээ!» гэв.
«Танай шашин чинь намайг бага байхад минь зэрэмдэглэж орхисон юм, үхчихвэл харин ч сайхан амсхийх биз». Колэр буугаа хоёр гараараа бариад: «Чи өөрөө сонго. Нүглээ наманчил, эсвэл одоо үх!» гэлээ.
Камерлинго үүд рүү хяламхийв.
«Гадаа Рошер байгаа. Тэр ч гэсэн таныг цааш нь харуулмаар байгаа байх шүү» гэж Колэр хэлэв.
«Рошер бол энэ шашныг хамгаалахаар тангараг өргөсөн хүн...»
«Намайг энд Рошер оруулсан шүү. Буутай минь хамт. Чиний хуурамч царайд чинь дур нь гутаад байгаа. Чамд ганц л зам байна. Наманчил. Чиний амнаас үнэнийг сонсмоор байна».
Камерлинго гөлөлзөөд эхлэв.
Колэр буугаа өргөөд: «Чамайг алж чадахгүй гэж бодоод байна уу?» гэлээ.
«Би юу ч хэллээ гэсэн чам шиг юмнууд ойлгохгүй шүү дээ!» гэж камерлинго зэвүүцэн хэлэв.
«Хэлээд үз л дээ».
Харанхуйн дунд ил галын өмнө камерлинго хэсэг зогслоо. Түүнийг ярьж эхлэхэд, дуу хоолой нь наманчилж байгаа гэхээсээ илүү бусдын төлөө өөрийгөө золиосолсон сүртэй сонсогдоно.
«Үүсэхээсээ эхлээд л энэ шашин бурхны дайснуудтай тэмцэж эхэлсэн. Заримдаа үгээр, заримдаа илдээр тэмцсэн. Гэхдээ дандаа л ялж байсан».
Камерлинго яриад эхлэхээрээ хүнийг итгэж биширтэл татдаг тэр төрхөндөө орж эхлэв.
«Гэхдээ түүхэнд байсан албингууд үзэн ядалт, уур хилэнгийн албингууд байсан юм. Байлдаж болохуйц, ялж болохуйц, айдас төрүүлсэн дайсан байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам ялагдсан дайсан минь дүрсээ хувилгасаар ... цэвэр шалтгаан болон хувирсан юм. Ил тод, ойлгомжтой шалтгаан хайх явдал. Гэхдээ сүнс сүсэггүй нь хэвээрээ». Камерлинго ярьж байгаа зүйлдээ уурлаж, ширүүн догшин болчихлоо. «Колэр гуай, та хэл дээ! Шашин хүний толгой логикоор бодоод нотолчихсон юмыг няцааж чадах уу? Энэ нийгмийн суурь болчихсон байгаа эрүүл ухаан гэгч тэр сүсэг бишрэлгүй зүйлийг бид ганхуулж чадах уу? Шашин сануулан хашхирах тоолонд, та нар жишим ч үгүй, бидний тоомжиргүйг дуудаж байна. Параноид! Хяналаа гэж, захиргаадлаа гэж! Тэгээд л нүгэл чинь зузаараад байна. Оюун сэхээлэг гээд өөртөө итгэчихсэн. Энэ хэв маяг чинь яг л хорт хавдар шиг үсэрхийлэн халдварлаж байна. Технологийн гайхамшиг гэгчээ гэгээн зүйл болгочихно. Өөрсдийгөө ариун гэж зарлана. Бид одоо эрдэм гэгчээс зөвхөн сайн сайхныг нь л хараад сурчхаж. Тэр эрдэм өвчин, өлсгөлөн, зовуурийг илааршуулдаг гэнэ! Эрдэм -шинэ бурхан дандаа гайхамшиг, бүхнийг чадагч, нигүүлсэнгүй! Үй олноор устгаж байгаа зэвсгийг битгий анзаар. Хүн бүрийн ганцаардал, мөхлийг март. Эрдэм энд байна!» Камерлинго буу руу алхангаа: «Тэр эрдэм чинь Сатааны дүртэй ... мөхөл зөгнөж байгааг харж байна» гэлээ.
«Чи юу дэмийрээд байгаа юм бэ? Ветрагийн нээлт тэр бурхны чинь оршин байгааг бараг л нотолчихсон шүү дээ! Тэр чинь танай талын хүн байсан шүү дээ!»
«Манай тал аа? Эрдэм, шашин хоёр хэзээ ч хамт байгаагүй! Чи бид хоёр нэг бурхныг хайгаагүй! Чиний бурхан чинь хэн юм бэ? Протон, масс, цэнэгт эгэл бөөмс үү? Тэр бурхан чинь яаж та нарт эрмэлзэл төрүүлдэг юм бэ? Тэр бурхан чинь хүний зүрхэнд хэрхэн хүрч, түүнийг өөрөөсөө илүү чадалд хариуцлагатай байхыг сургадаг юм бэ? Яаж түүнийг бусадтайгаа эвтэй байхыг сургадаг юм бэ? Ветра буруу бодож байсан юм. Тэрний ажил шашных биш, шашны дүртэй л эд! Хүн бурхны бүтээснийг туршилтын хоолойд давтаж чадахгүй, тэгээд тэрийгээ бүх дэлхийд харуулж бүр болохгүй. Энэ чинь бурхныг алдаршуулж байгаа хэрэг үү, эсвэл шалгаж байгаа хэрэг үү?» Камерлинго биеэ маажин, дуу хоолой нь улам бүр солиотой юм шиг болж байлаа.
«Чи тэгээд үүний л төлөө Леонардо Ветраг алсан хэрэг үү?»
«Шашны төлөө! Хүн төрөлхтний төлөө! Энэ солиорлыг зогсоохын төлөө! Хүн бүхнийг бүтээгч бурхны чадлыг гартаа авах ёсгүй. Бурхныг туршилтын хоолойд илрүүлэх гэнэ ээ. Ганц дусал шингэн бүхэл бүтэн хотыг үгүй хийх юм гэнэ. Түүнийг зогсоох хэрэгтэй байсан юм!» Камерлинго гэнэт чимээгүй болчхов. Тэр эргээд, цаашаагаа гал руу ширтэнэ. Бодлоо дахин цэгцлэх шиг зогсоно.
Колэр буугаа өргөн шагайв. «Чи наманчилж дуусав уу? Чи зугтаж чадахгүй шүү!»
Камерлинго гутрангуй инээнэ. «Наманчилна гэдэг чинь сэтгэлээсээ зугтаж байгаа хэрэг шүү дээ.» Тэр хаалга руу харав. «Бурхан чиний талд байгаа бол чам шиг хүн ухаарахгүй олон боломж ямагт байдаг юм». Тэгээд, гараараа дээлийнхээ захаас зуурч байснаа огцом татаж ураад, цээжээ нүцгэлэв.
Колэр цочиж: «Чи яагаад байгаа юм бэ?» гэв.
Камерлинго юм хэлсэнгүй. Тэр ил зуух руу очоод цогших гал дотроос нэг юм гаргаад ирэв.
«Болиоч! Чи яах гээд байгаа юм бэ?» гэж Колэр хашхирав.
Камерлинго эргэж харвал тэр улайссан тэмдэг барьчихсан зогсож байлаа. Иллюминатигийн очир. Нүд нь араатан шиг гялалзана. «Би уул нь үүнийг ганцаараа хийх гэж бодож байсан юм». Түүний дуу нь хөвчирч, чангарна. «Гэхдээ ... Бурхан чамайг надтай хамт бай гэсэн юм байлгүй дээ. Чи миний аврал».
Колэрыг хөдлөхөөс өмнө камерлинго нүдээ аниад, гэдэсхиймэгцээ, улайссан тэмдгээрээ цээжнийхээ яг голд өөрийгөө тамгалчхав. Max шархийн түлэгдэнэ. «Мариа эх минь! Ивээлт эх минь... Хүүгээ тэврээч!» Өр өвдтөл ориллоо.
Колэр тэвдэн, мэдээгүй хөл дээрээ эв хавгүй босчихсон зогсоно. Буугаа дэмий л савчина.
Камерлинго бүр ч чанга хашхирлаа. Тэгээд нөгөө тэмдгээ Колэрын хөл рүү шидчихээд, өвдсөндөө эвхрэн, шалан дээр уналаа.
Дараа нь юу болсон нь мэдэгдсэнгүй, жирэлзлээ.
Дэлгэц дээр нэг юм пижигнэж жирэлзээд, Швейцар жард хаалга эвдэн орж ирлээ. Буу дуугарав. Колэрын цээж нь цусанд будагдан, тэргэнцэр рүүгээ савж уналаа.
«Боль!» хэмээн Рошер харуулуудыг Колэр руу буудахыг зогсоох санаатай хашхирч харагдана.
Камерлинго шалан дээр тэлчилэн, эргээд Рошер рүү зааж: «Иллюминатус!» гэлээ.
«Муу гөлөг, Гэгээн дүр эсгэсэн зулбасга» хэмээн Рошер түүн рүү давшлав.
Шартрон гурвантаа буудаж, түүнийг замд нь унагалаа. Рошер үхлүүт шалан дээр гулсана.
Харуулууд шархадсан камерлинго руу гүйлдэнэ. Тэр зуур Роберт Ландон тэргэнцрийн хажууд сөхрөн сууж, нөгөө тэмдгийг гайхан харна. Тэгтэл, бүх дүрс бүхэлдээ дайвалзав. Колэр ухаан орж камераа тэргэнцрийнхээ гар доорх сууринаас нь салгалаа. Тэгээд Ландонд өгөв.
«Энийг ...» гээд Колэр аахилна. «Энийг ... хэвлэлийнхэнд ... өгөөрэй...»
Ингээд дэлгэц харанхуйлав.
Хэсэг 130

Камерлинго баяр бахдалдаа умбана. Швейцар жард түүнийг Хаан шатаар дагалдан бууж, Систин цогчны зүг удирдан явах зуур гадаа Гэгээн Петерийн талбай дээр хүмүүс түүний нэрийг дуудахыг сонсон, бул хар уулыг нүүлгэж чадлаа даа хэмээн бодож явлаа.
Grazie Dio.
Тэр тэнхээ суулгасан бурхандаа баярлан явлаа. Эргэлзэж явах үед нь бурханд түүнтэй ярьсан билээ. Чиний үйл бол Ариун явдал хэмээн бурхан хэлжээ. Би чамд тэнхээ өгнө. Бурхны тэнхээ өгсөн ч гэсэн түүний арга зам зөв эсэхэд тээнэгэлзэн, айж байлаа.
Чи биш бол ХЭН гэж?
Одоо биш бол ХЭЗЭЭ гэж?
Ингэж биш бол ЯАЖ?
хэмээн бурхан түүнд шивнэнэ.
Есүс биднийг өөрсдийн минь үйлийн үрээс аварсан шүү гэж бурхан сануулна. Загалмайд хатуулан, үхлээс сэрж айдас, найдвар гэдэг хоёр догдлолыг зэрэг төрүүлэн биднийг аварсан. Тэгж л дэлхийг аварсан шүү дээ.
Гэхдээ мянган жилийн өмнө. Даан ч цаг хугацаа энэ гайхамшгийг элээн, хүмүүс мартжээ. Тэд хуурмаг шүтээн - техно-гайхамшиг, оюуны гайхамшигт бишрэх болжээ. Харин сэтгэлийн гайхамшгийг яах билээ?
Камерлинго бурханд хүмүүсийн сүсгийг хэрхэн дахин сэрээх вэ гэдгийг зааж өгөөч хэмээн мөргөдөг байлаа. Гэвч бурхан чимээгүй л байдаг байв. Камерлингогийн сүсгийн хамгийн түнэр харанхуй үед бурхан түүнд бошго үзүүлжээ. Тэр шөнийн айдас!
Дөнгөж үнэнээ хүлээсний дараа шалан дээр унтлагынхаа хувцастай тэлчилэн, махан биендээ хоргодох нүгэлт сүнс нь гарч ядан зууралдах, тарчлант тэр хүний царай одоо болтол нүдэнд нь үзэгдэнэ. Ингэж болохгүй шүү дээ гэж тэр хашхирч байлаа. Гэхдээ л, болдог юм байна гэдгийг амссан билээ. Худал хуурмаг түүнийг тамын гал тасар татна. Сүмд түүнийг дагуулж ирсэн тэр хамба, түүнд хүү шигээ ханддаг байсан тэр хүн, камерлингогийн зүтгэн Пап болтол нь шадарласан тэр хувраг ... хуурамч дүртэй байжээ. Энгийн нэгэн нүгэлтэн байжээ. Өдий болтол нууж явсан тэр хуурмаг дүрийг нь мэдсэний дараа, бурхан түүнийг өршөөх эсэхэд эргэлзэж байлаа. «Таны тангараг!»хэмээн камерлинго тэр Паптан руу байдгаараа уурсан хашхираад, гарч одлоо. «Та бурхны өмнө өргөсөн тангаргаа няцсан байна. Ерийн л нэг нүгэлтэн».
Пап түүнд тайлбарлах гэсэн боловч камерлинго сонсохыг ч хүссэнгүй. Тэр замын турш уйлан, бөөлжин, өөрийгөө урж маажин, галзуу юм шиг явсаар Гэгээн Петерийн булшны өмнө цусандаа холилдон, ганцаараа хүйтэн шороон дээр хэвтэж байлаа. Мариа эх минь, би яах вэ? Биширч явсан тэр хүнийхээ хуурмаг царайд гутан, сүсэггүй энэ ертөнцөөс намайг салгаж өгөөч хэмээн бурхнаас гуйн некрополисын хүйтэн шороон дээр арчаагүй хэвтэж байх тэр эгшинд бурхан түүнтэй ярьжээ.
Толгойд нь аянга мэт цуурайтах хоолойгоо Чи бурханд зүтгэхээр андгайлсан билүү? Гэж асуув.
«Тийм, тэгсэн!» гэж камерлинго хашхирлаа.
«Бурхныхаа төлөө үхэхээс шантрахгүй юу?»
«Шантрахгүй. Тэгээд намайг аваад яваач!»
«Шашны төлөө үхэхээс шантрахгүй юу?»
«Шантрахгүй».
«Тэгвэл ... хүн төрөлхтний төлөө үхэхээс шантрахгүй юу?»
Камерлинго гэнэт чимээгүй болох агшинд тэр ёроолгүй гүн ангал руу унаж байв. Тэр улам хурдан хурдан унана. Гэхдээ тэр хариултаа мэдэж байлаа. Дандаа л мэддэг байв.
«Тэгнэ!» гэж байдаг чадлаараа хашхирлаа. «Би хүний төлөө үхнэ! Яг таны хүү шиг би тэдний төлөө үхнэ!»
Цагийн дараа, камерлинго шороон дээр эвхрэн хэвтсэн хэвээрээ л байлаа. Ээжийнх нь царай үзэгдэв. Бурхан чамайг хайрласан. Чи учиртай төрсөн юм шүү хэмээн хэлнэ. Камерлинго дахин галзуурч эхлэх шиг болов. Гэтэл бурхан түүнтэй дахин ярилаа. Гэхдээ энэ удаа аниргүй хэлжээ. Камерлинго түүнийг маш сайн ойлголоо. Сүсгийг сэрээ!
Чи биш бол ... хэн?
Одоо л биш бол ... хэзээ?

Харуулууд Систин цогчны хаалгыг онгойлгож, Карло Вентреска камерлинго судсаар нь эрх сүр гүйхийг мэдрэн, урагш шийдэмгий алхан орлоо. Бурхан түүнийг сонгосон. Бүр анхнаасаа...
Түүний хүслийг гүйцээнэ ээ.
Камерлинго дахин төрсөн юм шиг л мэдэрч байлаа. Швейцар жард түүний шархыг сувилж, усанд оруулаад, шинэ цагаан дээл өмсгөжээ. Түлэгдсэн шарханд нь морфин тариад, дараа нь өвчин намдаагч хийх гэхэд нь хэрэггүй хэмээн татгалзжээ. Есүс тэнгэрт халихын өмнө, өвчин зовлонгоо гурван хоног амссан билээ! Тэр бүр хөлийнхөө улаас дээшээ өвчнөө мэдрэхээ больж эхэлсэн байлаа.
Цогчинд орж ирэхэд нь, кардиналууд түүнийг мэлрэн харж байхыг хараад, тэр огт гайхсангүй. Тэд одоо л бурхныг мэдэрч байна. Надад биш, надаар дамжин илрэх бурханд тэд биширч байгаа юм хэмээн өөртөө сануулна. Цогчны дундуур хөндлөн гарахдаа ... уурссан царай олж харав. Хажуугаар өнгөрөх хүн болгоны царайнаас ямар нэг өөр зүйл болоод байгааг харлаа. Юу байдаг билээ? Тэд түүнийг өнөө шөнө хэрхэн хүлээж авах бол гэж нэг бус удаа бодсон билээ. Баясч уу, биширч үү? Тэр хүмүүсийн нүдийг нь харвал аль нь ч алга байлаа.
Тэгээд, тахилын гол ширээ рүү очих агшинд ... Роберт Ландоныг олж харлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 5:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Apr.09.12 12:39 pm
Posts: 866
Location: Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй. У.Шекспир
Ийм л юм болсон юм даа гэж ... :wd:


Top
   
PostPosted: Apr.21.15 6:04 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 146
Location: S.Korea
Дахин баярлалаа
Энэ чинь галзуу хүн байжээ.


Top
   
PostPosted: Apr.21.15 6:07 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 511
Location: Яг энд
Тэгэхээр Иллюминати гэж ерөөсөө байхгүй болж таарч байна уу? Солиорчихсон юм аа энэ Камерлинго.
Баярлалаа хэннэгээн.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Apr.21.15 6:16 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Dec.31.09 6:08 pm
Posts: 146
Location: S.Korea
энэ Да винчийн код хаана байгаа юм бол


Top
   
PostPosted: Apr.21.15 7:33 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Apr.20.15 4:54 pm
Posts: 17
арай дуусаагүй байгаа биз дэ? камерлингог но-той гэж бүр яг бодоод байсымаа. номонд арай л хэтрүүлэгтэй, хуурамц нэг зүйл нь Ландоны дандаа амьд үлддэг хэсэг. Энгийн хүн бол аль эрт үхчих байтал боломжгүй шахуу тохиолдлоос хэдэн ч удаа амьд үлдчихэв дээ. Аргагүй л зохиолын гол дүр юмдаа.


Top
   
PostPosted: Apr.21.15 8:30 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 131

Карло Вентреска камерлинго Систин цогчин дотор зогсч байлаа. Бүх кардинал босоод зогсчихсон, түүн рүү харж байв. Ландон хоймрын тахилын өмнө зурагтын хажууд зогсчихсон, тэр зурагтаар камерлингогийн мэдэх үйл явдал дахин дахин өрнөх ба тэр үйл явдлыг хэн бичээд, хэн энд үзүүлснийг ухаарч ч чадахгүй байлаа. Витториа Ветра хажууд нь хүрлийн зогсоно.
Камерлинго нүдээ аниад, нөгөө морфин нь хий юм харагдуулж байна, одоо нүдээ нээхэд өөр байдал харагдах вий хэмээн найдна. Даан ч тэгсэнгүй.
Тэд мэдчихжээ.
Жигтэй нь, тэр ердөө айсангүй. Бурхан минь, таны надад захисныг эд нарт ухааруулах үг хайрлаач.
Хэн ч юу ч хариулсангүй.
Эцэг минь, одоо бүтэлгүйтэхэд хэтэрхий оройтсон байна шүү дээ.
Аниргүй хэвээр.
Бид хоёрын хийснийг тэд ойлгохгүй шүү дээ, эцэг тэнгэр минь.
Камерлинго хэний дуу сонссоноо мэдсэнгүй, гэхдээ маш тодорхой ухаарлаа.
Үнэн чамайг чөлөөлнө ...
Карло Вентреска камерлинго толгой дээш өргөн, Систин цогчны гол тахилын өмнө ихэмсэг алхан очлоо. Бүдэг лааны гэрэл ч кардиналуудын хүрлийсэн царайг зөөллөхгүй байв. Тайлбарлаад өгөөч гэж тэр царайнууд шаардана. Ямар солиотой юм хийснээ тайлбарла. Бидний буруу гэдгийг сэнхрүүлээд аль.
Үнэнийг, гагцхүү үнэнийг хэмээн камерлинго өөртөө шивнэв. Энэ хэрмийн дотор хэтэрхий олон нууц бий ... нэг нь түүнийг солиоруулж орхисон билээ. Гэхдээ солиорлоос л үнэн төрсөн юм чинь.
«Сая сая хүнийг аврахын төлөө өөрийнхөө өчүүхэн сүнсийг өг гэвэл та нар өгөх үү?» гэж камерлинго тэдний дундуур явангаа асуулаа.
Цогчин дотор хэн ч юу ч ярьсангүй, хөдөлсөн ч үгүй, зүгээр л түүнийг ширтэнэ. Харин гадаа талбай дээр хүмүүс түүний нэрийг дуудан дуудан дуулна.
Камерлинго гол тахилын өмнө очоод: «Дайснаа егүүтгэх, үнэн хайрыг чинь доромжилж байхад зүгээр суух хоёрын аль нь илүү аймшигтай нүгэл вэ?» Хүмүүс Гэгээн Петерийн талбай дээр дуулж байна. Камерлинго Систин цогчны тааз руу ширтэн хэсэг чимээгүй зогслоо. Микланжелогийн урласан том бурхан түүн рүү хараад ... сайшааж байх шиг.
«Би цаашид тэвчихээ больсон юм» гэж камерлинго өгүүлээд, кардиналууд руу харвал тэдний нүдэнд ойлгож байгаа шинж огт тодорсонгүй. Тэд ийм амархан юм ухаарахгүй байна гэж үү? Ийм тулгуу шаардлага байгааг ухаарахгүй байна гэж үү?
Тун энгийн, мэдээжийн шүү дээ.
Иллюминати. Эрдэм, Сатаан хоёр чинь нэг зүйл.
Эртний айдсыг сэрээ. Тэгээд няц дар.
Айдас, найдвар хоёр. Тэдний сүсгийг сэрээ.
Энэ шөнө Иллюминати чадлаа дахин шинээр нээн харуулж, гайхалтай жүжиг шиг өндөрлөлөө. Айдас энэ дэлхийг нэгэн эгшинд хүрхэрэн эгшээж, хүн бүрийг хооронд нь дахин нягтрууллаа. Тэгээд бурхны хүч тэр хар хүчийг няц дарлаа.
Би зүгээр сууж чадаагүй юм.
Бурхан энэ эрмэлзлийг камерлингог сэтгэлийн гансралдаа автан байх тэр үед өгсөн билээ. Энэ сүсэггүй ертөнцийг ээ! Хэн нэг нь сүсэг өгөх ёстой шүү дээ. Чи. Чи биш бол өөр хэн гэж? Чамд учиртай төрсөн. Тэдэнд хуучин албинг үзүүлж, хуучин айдсыг нь сөх. Тоомжиргүй байна гэдэг үхэл. Сүүдэр байхгүй бол гэрэл үгүй. Муу байхгүй бол сайн үгүй. Гэрэл сүүдрийн аль нэгийг нь сонгуул, тэднээр. Айдас хаана байна? Айдсыг дарах баатар хаана байна? Одоо биш бол хэзээ гэж?
Камерлинго алхсаар дуганы танхимын голд кардиналуудын дунд очлоо. Кардиналууд гэдрэгээ ухран зай гаргахад нь өөрийгөө улаан тэнгисийг хоёр хувааж байгаа Моша шиг төсөөлнө." Гол тахилын өмнө Роберт Ландон зурагтаа унтраагаад, Витториагийн гараас барьж, хажуу тийшээ зайдуу зогслоо. Ландон амь гарсан нь гагцхүү бурхны хүсэл биз ээ. Бурхан Ландоныг аварчээ. Гэхдээ яагаад гэдгийг нь гайхна.
Анир чимээгүйг эвдэн дуганд, байсан цорын ганц эм хүн Витториа Ветра тасхийтэл хашхиран, урагш давшлав. «Чи аавыг минь алсан уу?» гэв.
Камерлинго - Витториа Ветра руу эргэж, харцыг нь хараад ойлгосонгүй. Гансрал харагдана, гэхдээ бас уурлаа юу? Гэхдээ, бүсгүй ойлгох ёстой шүү дээ. Аавынх авьяас билэг өөрийг нь үхэлд хүргэсэн. Түүнийг зогсоох ёстой байсан. Бүх хүн төрөлхтний тусын тулд шүү дээ.
«Аав маань бурхны төлөө ажиллаж байсан» гэж Витториагийн хоолой нь зангиран хэлэв.
«Бурхны төлөө лабориторьт ажилладаггүй юм. Бурхны төлөө хүмүүсийн сэтгэлд ажилладаг юм».
«Аавын минь сэтгэл ариун байсан. Түүний судалгаа...»
«Түүний судалгаа хүний тархи, сүнснээсээ илүү хурдан хөгжиж байгааг л нотолсон!» Камерлингогийн хоолой хутга шиг хурц байлаа. Хэн ч тийм дуу хоолой түүнээс гарна гэж бодсонгүй. «Аав шиг чинь шүтлэгтэй хүн өнөө шөнө бидний харсан тийм зэвсэг хийж байгаа юм чинь ерийн хүн тийм технологиор юу хийх байсныг төсөөлөөд үз!»
« Чам шиг хүн үү?»
Камерлинго гүнзгий амьсгаа авлаа. Энэ хүүхэн ухаарахгүй байна гэж үү? Хүний ёс суртахуун эрдэм мэдлэгээс илүү хурдан хөгжиж чадахгүй байна. Хүн төрөлхтөн ёс суртахууны хувьд одоо байгаа зэвсгээ эзэмших хэмжээнд хүртэл хангалттай хөгжөөгүй байна. Бид хийсэн зэвсгээ хэрэглэхгүй байж үзээгүй! Тэгээд ч Леонардо өөрөө хийсэн бүтээсэн нь хүн төрөлхтөнд шинэ төрлийн зэвсэг нэмж байгааг мэдэж байсан. Гэхдээ, түүнийгээ үгүй хийж чадаагүй. Хүн бие биеэ алж сураад удаж байна. Ээжийнх нь хэлсэн санаанд буув. Леонардо Ветра өөр бас нэгэн шалтгаанаар аюултай байлаа.
«Зуун зууны турш эрдэм шашныг бага багаар эмтэлж байхад, сүм хийд зүв зүгээр сууж байсан. Тэгсээр гайхамшиг элэгдлээ. Оюунаа сэтгэлээсээ илүү дасгалжууллаа. Хүмүүс олноороо шашныг буруутгадаг болсон. Бурхан гэдэг бол амьдрал утгагүй гэдгийг зөвшөөрөх чадалгүй дорой хүмүүсийн зохиосон хий үзэгдэл, галлюцинац болж хувирсан. Эрдэм бурхны чадлыг ингэж мохоож байгааг би тэвчиж чадаагүй. Нотол гэж та нар хэлдэг билүү? Эрдмийн тоомжиргүй байдлыг нотлох хэрэг үү? Бидний ухаарлын хүрээнээс гадна нэг юм оршдог гэдгийг зөвшөөрөх, юу нь буруу байгаа юм бэ? Бурхны үйлийг лабориторьт давтан хийх тэр өдөр л хүмүүст сүсэг хэрэггүй болно!»
«Хүмүүст сүм хэрэггүй болно гээч!» гэж Витториа түүн рүү давшлан өгүүлэв. «Та нар хүмүүсийг эргэлзээнд байлгаж байж хянах гээ юү? Эргэлзээ чамд сүнс өгдөг хэрэг үү? Бид амьдрал учир утгатай гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүн айх тусам, гэгээрсэн сүнсийг хайдаг болохоор л бид бурхныг дотроо хайрладаг. Гэхдээ сүм гэдэг энэ хорвоо байгаа цор ганц гэгээрсэн сүнс биш. Бид тус бүрдээ бурхныг өөр өөрийнхөө замаар хайдаг. Чи юунаас нь айгаа вэ? Бурхан энэ хэрмээс өөр газар гараад ирнэ гэж айгаа юу? Хүмүүс бурхныг өөр өөрийнхөө амьдралаас олж, эцэстээ эртний энэ зан үйл чинь хаягдана гэж айгаа юу? Шашин хөгжих ёстой! Оюун асуултад хариулж, сэтгэл шинэ үнэнийг шингээдэг юм. Аав чамтай л адил бурхныг өөрийнхөөрөө хайж явсан! Зэрэгцээ шугамаар л хайж явсан! Чи яагаад үүнийг олж хараагүй юм бэ? Бурхан гэдэг биднийг дээрээс хараад, дуулгаваргүй байвал гал руу шидчихдэг дарангуйлагч биш! Бурхан гэдэг бидний мэдрэлийн судлуудаар гүйж, зүрхэн дотор минь байдаг энерги юм шүү дээ! Бурхан хаа сайгүй бий!»
«Эрдмээс бусдад нь» гэж камерлинго өрөвч зөөлөн нүд гарган хэллээ. «Эрдэм гэдэг уулаасаа сүнсгүй эд. Сэтгэлээс ангид зүйл. Антиматери шиг оюуны ололтууд энэ дэлхийд ямар нэг ёс суртахууны зааваргүй бий болдог юм шүү дээ. Тийм болохоороо л аюултай. Тэгээд, эрдэм өөрийгөө бурхангүй зүтгэлээр бий болсон Гэгээрлийн мөр гэж зарлавал? Гоо сайхан гэж юу вэ гэдэг асуултад асуултаар хариулдаг бол?» гэснээ камелинго толгой сэгсрэн: «Үгүй дээ, тийм байж болохгүй» гэлээ.
Танхим хэсэг чимээгүй болов. Камерлинго Витториагийн цоо ширтсэн харцтай тулгарснаа, гэнэт асар их ядарч цуцсанаа ухаарлаа. Уул нь ийм байх ёсгүй байсан юм. Энэ тэгээд бурхны сүүлчийн сорилт уу?
Гэтэл Мортати аниргүйг эвдэв. «Дэвшигч?» гэж айдаст автан шивнэж: «Баггиа нар. Чи тэднийг яагаагүй биз дээ?» гэв.
Камерлинго түүний хоолойд нь гансрал тодрохыг ажиглан гайхлаа. Мортати ийм зэргийн юмыг ухаарах ёстой шүү дээ. Шуурхай мэдээ бүхэн өдөр болгон эрдмийн нээлтийн тухай л мэдээлдэг. Харин шашны тухай хэр мэдээлдэг вэ? Зуун жилд ганц уу? Шашинд гайхамшиг хэрэгтэй байна шүү дээ! Тэр гайхамшиг энэ ертөнцийг нойрноос нь сэрээх ёстой. Зөв замд нь эргүүлээд оруулах ёстой. Сүсгийг сэрээх ёстой. Дэвшигч нар тэртээ тэргүй удирдагчид байж чадахааргүй байсан, тэд бол хуучныг хаяж, шинэ ертөнцийг тэврэн авахад бэлэн олиггүй либералууд л байсан. Шашныг аврахын тулд шинэ удирдагч хэрэгтэй. Залуу. Эрчтэй. Чадалтай. Гайхалтай. Дэвшигч нар ингэж үхсэнээрээ амьд байснаасаа илүү том гавьяа шашинд байгуулсан. Айдас, найдвар хоёр. Сая саяыг аврахын тулд дөрвөн сүнс л золигт гаргаа биз. Ертөнц тэр дөрвийг шашны баатрууд гэж мөнхөлнө. Сүм хийдүүд тэр дөрөвт зориулж тахил өргөнө. Хэдэн мянган хүн бурхныг алдаршуулахын тулд үрэгдэв? Гэтэл тэр чинь ердөө л дөрвүүлээ байсан шүү дээ!
«Дэвшигч?»гэж Мортати давтан асуув.
«Би та бүхнийг эмгэнэлийг хуваалцаж байна» гээд өөрийгөө өмгөөлөн, цээж рүүгээ зааж: «Би ч гэсэн бурхны төлөө үхэх байсан, гэхдээ миний ажил дөнгөж эхэлж байна. Тэд Гэгээн Петерийн талбай дээр дуулж байгааг сонсож байна уу?» гэв.
Мортатигийн харцад айдас тодрохыг камерлинго хараад мэлэрч орхив. Морфиноос болоод байгаа юм уу? Камерлинго улаан гараараа тэр дөрвийг тонилгочихсон юм шиг Мортати харж байлаа. Бурхны төлөө бол би тэгэхээс ч буцахгүй гэж камерлинго бодов. Гэхдээ үйлийг бол хассассин, өөрийгөө Иллюминатигийн даалгаврыг гүйцэтгэж шашныг хорлож байна гэж бодсон хөөрхий тэр алуурчин үйлдсэн билээ. Би Янус байна. Би чамд чадлаа харуулна гэж камерлинго түүнд хэлж, хэлснээ ч гүйцээсэн билээ. Хассассины жигшил өөрийг нь бурхны шатрын хүү болгожээ.
«Хүмүүс дуулахыг сонс доо» гэж камерлинго инээвхийлэн, дотроос нь баяр хөөр төрөн хэлэв. «Айдсаас өөр юу ч сэтгэлийг ингэж нэгтгэдэггүй юм. Сүмийг дахин барина. Өнөө шөнө тэр хүмүүс яаж эвлэснийг хар даа. Айдас тэднийг гэрт нь авчирчээ. Орчин үеийн албинг орчин үеийн хүн рүү туу. Тоомжиргүй байхаа болино. Нүглийн нүдийг харуул, Сатаан төр, банк, сургууль, тэр бүү хэл бурхных нь сүмд хүртэл нэвчиж, нээж олсон эрдмийг нь ашиглан сөнөөж байгааг харуул. Бүр их хорлонтой харуул. Хүн эсэргүүцнэ. Сайн сайхныг хайна. Хүн өөрөө сайн сайхан болно!»
Аниргүй болов. Тэд одоо л нэг юм ухаарав бололтой. Иллюминати дахиж сэргээгүй. Иллюминати аль хэдийн мөхсөн. Харин домог нь амьд. Камерлинго Иллюминатиг зүгээр л сэрүүлэг болгосон юм. Иллюминатигийн домгийг мэддэг бүхэн түүний айдсыг дахин мэдэрлээ. Мэддэггүй нэг нь мэдэж аваад, ямар сохор дүлий явж байж вэ гэдгээ мэдлээ. Эртний албингууд ирж нойрмог ертөнцийг сэрээлээ.
«Гэхдээ ... тэр тэмдгүүд?» гэж Мортати хэлэхэд, хоолойд нь жигшил тодров.
Камерлинго хариулсангүй. Ватикан тэдгээр тэмдгийг хэдэн зуун жилийн өмнө хурааж авсан гэдгийг Мортати хэрхэн мэдэх билээ. Тэднийг Боржа дахь Папын хувийн зооринд Папын хоргонд түгжээд, мартаж, шороо тоосонд дарагдан байжээ. Түүнийг Папаас өөр хүн харвал, хэтэрхий аюултай гэж шашин үзээд тийн даржээ.
Айдас төрүүлсэн тэр зүйлийг яагаад шашин тийм далд нуугаа вэ? Айдас хүмүүсийг бурхан руу улам ойртуулдаг шүү дээ.
Папын хоргоны түлхүүр Папаас Папт дамжин иржээ. Карло Вентреска камерлинго тэр түлхүүрийг сэмхэн аваад дотор нь орж үзжээ. Тэр дотор Апокрипа гэх Библьд хэвлэдэггүй арван дөрвөн бүлгийнх нь гар бичмэл, Онгон Мариагийн булшны тодорхой байршил гээд л гайхалтай зүйлс дүүрэн байлаа. Түүнээс гадна, Иллюминатигийн цомгийг камерлинго олжээ. Ватикан Иллюминатиг Ромоос хөөн гаргасныхаа дараа, бүх нууцыг нь олж, ... Гэгээрлийн мөр ... Ватиканы хамгийн том урлаач Бернинигийн урвалт ... Ватиканы өөрийнх нь өмчийн Гэгээн Ангелийн цайзад Европын шилдэг эрдэмтэд хуран шашныг мөхөөхийг оролдож байсныг бүгдийг нь илрүүлжээ. Тэнд бас тавалж хайрцаг байх агаад дотор нь нөгөө алдарт Иллюминатигийн очир байлаа. Эртний аюулаа мартсан нь дээр гэдэг Ватиканы уламжлалын дагуу тэднийг тэнд нь мартжээ. Харин камерлинго үүнийг зөвшөөрсөнгүй.
«Тэгвэл антиматерийг юу гэх вэ? Чи Ватиканыг устгах эрсдэлийг тоосонгүй гэж үү?» гэж Витториа лавлав.
«Бурхан чиний талд байхад эрсдэл гэж байдаггүй юм» гэж камерлинго хариулав. «Эцсийн эцэст энэ бол бурхны үйл байсан» гэлээ.
«Чи чинь солиотой юм байна!» гэж бүсгүй гайхшрав.
«Сая сая хүнийг аварсан шүү дээ».
«Баахан хүнийг алаа биз дээ, чи?»
«Сүнс нь аврагдсан байх шүү!»
«Наадахаа чи өөрөө очиж аав, Максимлиан Колэр хоёрт хэл!»
«СЭРН-ийн мөн чанарыг илчлэх ёстой байсан юм. Чи өөрөө хагас бээрийг устгах чадалтай дусал хийчхээд, намайг солиотой гэнэ үү?» гэж камерлинго уурсан давшлав. Энийг ерийн л нэг цэнэг байсан гэх гээ юү? «Бурханд итгэдэг бүхэн түүний сорилыг туулдаг жамтай! Бурхан Авраамыг хүүгээ егүүтгэн тахил өргөхийг хүссэн! Бурхан Есүсийг загалмайд хадуулахыг тушаасан! Тэгээд бид өнөөдөр цуст, зовлонт, гаслант загалмайг өдөр болгон хар хүчний чадлыг бүү март хэмээн ханандаа зүүдэг! Тэрийг хараад, сэтгэл хатууждаг! Есүсийн цээжин дээрх шарх хар хүчний чадлыг сануулсан амьд сэрүүлэг!
Миний цээжин дээрх шарх хар хүчний чадлыг сануулсан амьд сэрүүлэг! Хар хүч амьд, харин бурхны хүсэл тэднийг дийлдэг!»
Түүний дуу Систин цогчинд цуурайтахад, үхээрийн аниргүй танхимыг ноёрхов. Цаг зогсчих шиг боллоо. Микланжелогийн Сүүлчийн шүүлт камерлингогийн араас тодорч, Есүс нүгэлтнүүдийг тамд илгээнэ. Мортатигийн нүдэнд нулимс цийлэлзэв.
«Чи юу хийчхээ вэ, Карло минь?» гээд Мортати шивнэв. Нүдээ анихад нь том том нулимс бөмбөрөн унана. «Дээрхийн гэгээн?»
Хүмүүс нэгэн зэрэг санаа алдах шиг болов. Бүх хүн түүнийг дөнгөж сая л санав уу гэлтэй. Паптан. Хорлогдсон гээ биз дээ?
«Хорлонт худалч!» гэж камерлинго хөмхий зуун занав.
Мортати цочин түүн рүү харж: «Чи юу гэнэ ээ? Тэр шударга хүн байсан... Тэр чамд үнэн голоосоо хайртай байсан шүү дээ» гэлээ.
«Би ч түүнд хайртай байсан». Би түүнд ямар хайртай байлаа? Гэвч хуурамч амьтан! Бурханд өргөсөн тангаргаа няцсан!
Камерлинго кардиналууд энэ тухай яривал одоохондоо ойлгохгүй гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ ойлгуулах л хэрэгтэй байв. Хэлбэл ч ухаарах байлгүй дээ! Дээрхийн гэгээнтэн энэ шашны түүхэнд байгаагүй худалч хүн байлаа. Тэр аймшигт шөнийг камерлинго одоо ч тод санана. Камерлинго СЭРН-ээс ирээд Ветрагийн Үүтгэл, антиматерийн аймшигт чадлын тухай илтгэжээ. Паптан тэндээс аймшиг мэдрэх байх гэж бодож байсанд, тэр харин ч Ветрагийн нээлтээс найдвар олж харжээ. Тэр бүр Ватикан Ветрагийн ажлыг санхүүжүүлж, шашны холбогдолтой эрдмийн судалгаанд нааштай хандах ёстой гэж ярьжээ.
Солиорол! Шашин өөрийгөө үгүйсгэх эрдмийн судалгааг санхүүжүүлнэ гэнэ ээ? Үй олноор хөнөөх зэвсгийн суурь болох ажлыг уу? Ээжийг нь хөнөөсөн бөмбөгийг хийсэн шиг тийм судалгааг уу...?
«Та тэгж болохгүй шүү дээ» гэж камерлинго хэлмэн хэлэв.
«Би эрдэмд их өртэй хүн» гэж Паптан хэлэв. «Би нэг зүйлийг насаараа нууж ирсэн. Намайг залуу байхад эрдэм надад бэлэг өгсөн юм. Би тэр ачийг хэзээд санаж явах учиртай» гэлээ.
«Мөхөс би ухаарсангүй. Бурханд зүтгээ хүнд эрдэм ямар бэлэг барьж чадах билээ?»
«Энэ хэцүү» гэж Паптан хэллээ. «Чамд ойлгуулахын тулд цаг хэрэгтэй. Гэхдээ, чи миний тухай нэг жирийн зүйлийг мэдэж ав. Би үүнийг бүх насаараа нуусан юм. Одоо чиний мэдвэл зохих цаг нь болсон» гэлээ.
Тэгээд, Паптан аймшигт нууцаа дэлгэлээ.
Хэсэг 132

Камерлинго Гэгээн Петерийн булшны өмнө шороон дээр эвхрэн хэвтэнэ. Некрополис хүйтэн байлаа, гэхдээ камерлингогийн сэтгэлд хурсан гомдол цусаар нь даган бүх биеийг нь бүр ч илүү царцааж байлаа. Дээрхийн гэгээн намайг эндээс олохгүй. Хэн ч олж чадахгүй...
«Энэ хэцүү» гэж хэлэх Папын дуу сэтгэлд нь цуурайтна. «Чамд ойлгуулахын тулд цаг хэрэгтэй...»
Хэчнээн их цаг орсон ч камерлинго түүнийг нь ойлгохгүй гэдгээ мэдэж байлаа.
Муу худалч! Би итгэж байхад..! БУРХАН итгэж байхад..! Арай ч дээ!
Пап ганц үг хэлээд л, камерлингогийн итгэж явсан бүх зүйлийг нураагаад хаячихжээ. Багшийнхаа тухайд итгэж явсан бүх зүйл нь эгшний дотор бутран алга боллоо. Камерлингогийн цээжинд хурсан тэр үнэн хамаг сэтгэлийг нь хутгаж, Папын өргөөнөөс гүйж явахдаа хүртэл бөөлжиж байлаа.
«Байз! Би тайлбарлая!» гэж Пап араас нь босч зогсоод хоцорлоо.
Камерлинго зугтаж одов. Дээрхийн гэгээн камерлингог юу гэж бодоод, үүнээс илүү адал балмадыг тэвчинэ гээ вэ? Өөр хүн мэдсэн бол яана? Энэ шашны ариун нь хаачлаа? Папын тангараг юу ч биш юм гэж үү?
Солиорох шиг болж, ухаан зулаггүй гүйсээр камерлинго Гэгээн Петерийн булшны өмнө л сэхээ оржээ. Яг тэр үед бурхан түүн дээр ирж, түүнтэй ярьжээ.
ЧИНИЙ БУРХАН ӨРШӨӨЛГҮЙ!
Тэгээд, тэр хоёр хамтдаа төлөвлөгөө зохиолоо. Тэр хоёр шашныг хамтдаа хамгаална. Тэр хоёр хамтдаа сүсэггүй ертөнцийн сүсгийг сэрээнэ. Хар хүч энд тэндгүй байна. Одоохондоо энэ ертөнц дархлаатайгаа байна. Тэр хоёр хамтдаа энэ ертөнцөд хар хүчийг илчлэн харуулж ... тэгээд бурхан түүнийг аварна! Айдас, найдвар. Тэгээд ертөнц сүслэх нь лав!
Бурхны эхний сорилт амархан байлаа. Папын унтлагын өрөөнд орж ... тариаг нь дүүргээд ... үхэж дуусах хүртэл нь худалчийн амыг дарах. Сарны гэрэлд, Папын нүд нь ямар нэг юм хэлэх гээд байхыг камерлинго харлаа.
Гэвч оройтжээ.
Паптан хангалттай ихийг хэлчихсэн.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 9:12 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Хэсэг 133

Паптан хүүхэдтэй байсан юм».
Дуган дотор камерлинго энэ үгийг хэлэхэд, хүмүүс таг мэгдэн, тэдний гайхсан эргэлзсэн царайг хараад, тэр бардам зогсоно. Тавхан үг аймшигт нууц дэлгэлээ. Түүнийг жигшиж ялласан кардиналуудын харц тэвдэж бачимдсан байдалтай болж, камерлингогийн буруу байгаасай хэмээн залбирч байх шиг.
Паптан хүүхэдтэй байсан юм.
Ландон ч бас гиюүрч орхилоо. Алганд нь байсан Витториагийн гар чичирсхийв. Харин Ландоны толгойд түмэн асуулт хариулт нэхэн хуйларч, дэлхийн төв хаана байгааг ч олохоо болив.
Камерлингогийн хэлсэн үг агаарт хуйлран тогтоод, эгээ л антиматерийн тэсрэлтээс үүссэн гэрлэн бөмбөлөг шиг доор байгаа хүмүүсийг балмагдуулж орхилоо. Солиотой юм шиг нүдэнд нь шударга бат зарчим тодрох шиг. Ландон энэ бол хар дарсан зүүд, удахгүй сэрнэ гэж өөртөө итгүүлэх гэж оролдов.
«Битгий худал хэл!» гэж нэг кардинал хашхирлаа.
«Итгэж чадашгүй нь! Дээрхийн гэгээн энэ хорвоо дээр амьдарч байсан бүх хүнээс хамгийн ариун хүн байсан юм» гэж нөгөө нь бувтнав.
Гэтэл Мортати намуун зөөлөн хоолойгоор дуугарлаа. «Нөхөд минь! Камерлингогийн хэлдэг үнэн шүү.» Дуганд байсан кардиналуудын үстэй толгой нь арзайн, бүгд нэгэн зэрэг Мортати руу цочин ширтлээ. «Паптан үнэхээр хүүхэдтэй байсан юм уу?»
Камерлинго гайхан, Мортати руу харж: «Та мэдэж байсан юм уу? Та ... яаж мэдсэн юм бэ?» гэв.
Мортати уртаар санаа алдаад: «Дээрхийн гэгээн сонгогдох гэж байхад... би чөтгөрийн мөрч байсан юм» гэлээ.
Бүх хүн нэгэн зэрэг дуу алдав.
Тэгэхээр үнэн байх нь хэмээн Ландон бодлоо. «Чөтгөрийн мөрч»
гэдэг нь Ватиканд ямар нэг ичгүүрт хэрэг гарвал, мөрдөн шалгадаг тушаалтан ажээ. Папаар хэн сонгогдов гэдэг чухал, бас аюул дагуулж болзошгүй асуудал, тиймээс сонгууль болохоос өмнө, Пап болохоор нэр дэвшсэн хүний булай булхайг илчлэхээр, нэг кардиналыг нууцаар томилдог ажээ. «Чөтгөрийн мөрч» гэгдэх тэр этгээд нэр -дэвшсэн хүнийг Пап болгож болохгүй бүх шалтгааныг уудлан дэлгэх үүрэг хүлээнэ. Насных нь тоо ойртсоноо мэдсэн Паптан амьд ахуйдаа дараагийнхаа Папыг тодруулах зорилгоор «Чөтгөрийн мөрч» томилдог ажээ. Чөтгөрийн мөрч хэзээ ч өөрийгөө илчлэх ёсгүй билээ.
«Би Чөтгөрийн мөрч байсан юм. Тэгж л би мэдсэн хэрэг» хэмээн Мортати давтан өгүүлэв.
Хүмүүс амаа ангайн алмайрна. Өнөө шөнө Ватиканд зөрчигдөөгүй хууль бараг үлдсэнгүй.
Камерлингогийн дотор бачимдан: «Та тэгээд хэнд ч хэлээгүй юм уу?» хэмээн давшиллаа.
«Би Дээрхийн гэгээнийг улайлгасан. Тэр наманчилж, бүх зүйлийг нэгд нэгэнгүй тайлбарлан өгүүлж, энэ нууцыг дэлгэх эсэхийг зөвхөн миний сэтгэлд даатган орхисон юм» хэмээн Мортати тайван өгүүлнэ.
«Таны сэтгэл тэгээд энэ мэдээллийг дарж өнгөрүүлэхээр шийдээ юү?»
«Тэр Пап болох магадлал хамгийн их хүн байсан. Хүмүүс түүнд хайртай байсан. Хэрэв илчилсэн бол шашны нэр хүнд асар их унах байсан юм».
«Гэхдээ тэр чинь хүүхэдтэй хүн шүү дээ! Тэр биеэ зандан хадгалах ариун тангаргаа зөрчсөн байсан». Камерлинго одоо дахиад л солиотой юм шиг хашхичиж эхлэв. Сэтгэлд нь ээжийнх нь хэлсэн үг бууна. Бурханд өргөсөн тангараг бол хамгийн дээд тангараг. Бурханд өргөсөн тангаргаа хэзээ ч битгий няцаарай! «Паптан бурханд өргөсөн тангаргаа няцсан шүү дээ!»
Мортати дүрсхийн уурлав. «Карло, түүний хайр ариун байсан. Тэр ямар ч тангараг зөрчөөгүй. Чамд тайлбарлаагүй юм уу?»
«Юуг нь тайлбарлах юм бэ?» Камерлинго Папын өргөөнөөс ухаан зулаггүй гарч гүйхэд, Паптан араас нь Би чамд тайлбарлая л даа хэмээн дуудаж байсан нь санагдав.
Мортати аажуухан, бас гунигтай яа, болсон явдлыг дэлгэлээ. Олон жилийн өмнө Паптан залуу гэлэн байхдаа үзэсгэлэнтэй нэгэн гэлэнмаад дурлажээ. Хоёулаа бурханд зандан байх тангараг өргөсөн болохоор тэр тангаргаа няцах зориг байсангүй. Тэр хоёрын дурлал улам улам цэцэглэжээ. Хэдийгээр тэр хоёр махан биеийн нойтон жаргалыг тэвчсэн ч, хоёул бурхны гайхалтай бэлэг - хүүхэдтэй болохыг хүсжээ. Тэр хоёрын хүүхэд. Бусгүй илүү их тачаадаж байсан ч бурхандаа өргөсөн тангаргаа тууштай барьжээ. Нэг жилийн дараа тэр хоёрын тачаал тэсэхүй еэ бэрх болох үед нэг удаа бүсгүй жигтэй сонин мэдээтэй иржээ. Эрдмийн шинэ ололтын дүнд, эр эм хоёр бэлэг золгохгүйгээр хүүхэдтэй болж болох тухай нэгэн өгүүлэл уншжээ. Бүсгүй үүнийг бурхнаас илгээсэн бошго гэж үзсэн гэнэ. Гэлэнмаагийн нүдэнд төрсөн баяр бахдалыг гэлэн хараад, зөвшөөрчээ. Жилийн дараа гэхэд бүсгүй хиймэл үр тогтоох замаар хүүхэдтэй болжээ...
«Байж боломгүй юм» хэмээн камерлинго хашхирав. Тариулсан морфин нь хамаг мэдрэлээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодовч, түүний сонссон бодитой байлаа.
Мортати нулимсаа арчаад: «Карло! Тийм л учраас Дээрхийн гэгээн эрдэмд талархалтай ханддаг байсан юм. Тэр өөрийгөө эрдэмд их өртэй хүн гэж боддог байсан юм. Эрдмийн ачаар тэр бурханд өргөсөн зандан байх тангаргаа няцалгүй, эцэг байхын жаргалыг эдэлсэн билээ. Дээрхийн гэгээн шашны замаар ахиж дэвшихэд, хайртай бүсгүйтэйгээ хамт байж, хүүгээ хамт өсгөхийн жаргалыг мэдэрч чадаагүйдээ л жаахан сэтгэл дундуур байдаг хэмээн дурдсан билээ».
Карло Вентреска камерлинго өөрийгөө солиорч байгааг одоо мэдэрлээ. Махан биеэсээ хагацан, зугтмаар санагдана. Би яаж мэдэх юм бэ?
«Паптан ямар ч нүгэл үйлдээгүй, Карло. Тэр ариун байсан юм.»
Камерлинго өөрийгөө цагаатгах шалтаг хайн, галзуу юм шиг цамнан: «Гэхдээ бод доо. Үйлийнх нь үрийг бод. Үйлийнх нь үр гараад ирвэл яах вэ? Бурхан өршөөг, тэр хүүхэд нь хүрээд ирвэл яах вэ? Энэ шашин ямар ичгүүрт автахыг төсөөл дөө!» хэмээн шүдээ хавиран давшлав.
Мортати түгшиж эхлэв. «Түүний хүү нь энд хүрээд ирчихсэн шүү дээ!»
Бүх хүн мэгдэн, галзуу юм шиг нүдээр Мортати руу төөнөв.
Мортатигийн хоолой нь зангиран, чичирч: «Карло..? Дээрхийн гэгээний хүү нь ... чи шүү дээ!» гэлээ.
Камерлингогийн зүрхэн дэх сүсгийн гал унтарчихлаа. Дээр нь Микланжелогийн Сүүлчийн шүүлт зураг заналтай яа сүглийн, гол тахилын өмнө чичрэн зогсоно. Тамаас чөтгөр гарч ирээд, түүн рүү зальтай яа ирмэн, тохуурхах шиг санагдана. Амаа ангайсан боловч үг дуугарч чадсангүй.
«Чи ядаж гадарлаагүй юм уу?» гэж Мортати зандран: «Дээрхийн гэгээн яах гэж чамайг жаахан байхад чинь, Палермогийн эмнэлэгт чам дээр очсон гэж бодоо вэ? Чамайг яах гэж өөр дээрээ аваад, өсгөж хүмүүжүүлсэн гэж бодоо вэ? Түүний дурласан бүсгүй Мариа ... ээж чинь байсан юм. Тэр чамайг өсгөх гэж сүмээс гарсан, гэхдээ бурханд өргөсөн тангаргаа хэзээ ч зөрчөөгүй юм. Паптан дэлбэрэлтээс болж, эх чинь өнгөрөөд, чамайг гайхалтай яа амьд үлдсэнийг сонсоод ... чамайг дахиж ганцааранг чинь хэзээ ч орхихгүй гэж бурханд андгайлсан юм. Карло! Аав ээж хоёр чинь хоёулаа зандан байсан. Тэр хоёр бурханд өргөсөн тангаргаа сахисан. Тэгсэн мөртөө чамайг энэ ертөнцөд төрүүлэх арга олсон. Чи тэр гайхамшигт хүүхэд нь байхгүй юу!»
Камерлинго чихээ даран, Мортатигийн үгийг сонсохгүйг хичээвч, сэтгэлээрээ сонсоод байлаа. Гол тахилын өмнө гиюүрэн балмагдан зогсоно. Ертөнц дайвалзан, ёгхийн сөхрөн уналаа.
Секунд. Минут. Цаг өнгөрсөөр.
Дуганы дөрвөн хананы дотор цаг хугацаа зогсчих шиг болов. Витториа бүх хүнийг эзэмдсэн ёрын гиюүрлээс салж, сэхээ ороод, Ландоны гараас гараа татаж аваад, хурсан олон кардиналын дундуур алхлаа. Дуганы хаалга тэртээ хол харагдаж, усан доогуур яваа юм шиг удаан хөдөлж, газар барагдахгүй байлаа.
Кардиналуудын дундуур алхаж явахдаа, шүргэж өнгөрсөн хүн бүрд амь өгөх шиг бусдыгаа ёрын гиюүрлээс сэрээж явлаа. Зарим нь залбирна. Зарим нь мэгшин уйлна. Зарим нь түүний хойноос зүгээр л гиюүрэн ширтэнэ. Бүсгүй алхсаар дуганы хаалганд очих эгшинд, нэг гар араас нь түүнийг татан зогсоов. Эргэж харвал, нэг өвгөн кардинал хүрлийн ширтэж байлаа. Нүд нь айдсаар дүүрчээ.
«Битгий. Битгий тэг л дээ» гэж тэр хэлэв.
Витториа итгэж ядан мэлэрнэ.
Өөр кардинал дөхөж ирээд: «Хийхээсээ өмнө бодоорой» гэлээ.
Өөр бас нэг түүн рүү ирж явна. «Энэ гансрал ч ...»
Кардиналууд Витториаг бүчин авлаа. Бүсгүй тэдэн рүү мэгдэн харна. «Гэхдээ өнөөдрийн явдлыг ... ертөнц даяараа үнэнийг мэдэх ёстой шүү дээ».
«Сэтгэл минь зөвшөөрч байна» гэж өвгөн кардинал гарыг нь барьсан чигтээ хэлээд: «Гэхдээ буцах замгүй зам гэж бий. Хүмүүсийн найдвар хөсөр унана. Өөнтөглөнө. Хүмүүс дахиад хэрхэн сүслэх болж байна?» гэлээ.
Улам олон кардинал түүний замыг хөндөлдөнө. Хар дээлэн хана өмнө нь босох шиг. «Талбай дээр байгаа хүмүүсийг сонс л доо. Энэ бүхэн тэр хүмүүсийн сэтгэлийг яаж цочроох бол? Бид цөм эрүүл ухаанаар хандах ёстой шүү» гэж нэг нь учирлав.
«Цөмөөрөө залбиръя, бодох цаг хэрэгтэй байна» гэж нэг нь хэлэв. «Бид учиртай хөдлөх ёстой шүү. Ийм явдлын үр дагавар нь аймшигтай байж магадгүй» гэж нөгөө нь бувтнана.
«Тэр миний аавыг хөнөөсөн! Тэр бүр өөрийнхөө аавыг ч хөнөөсөн шүү дээ!» гэж Витториа бачимдан хашхирна.
«Тэр үүнийхээ төлөөсийг төлж л таараа» гэж гарыг нь барьсан кардинал гаслан өгүүлнэ.
Витториа ч гэсэн тэгж бодож байлаа, гэхдээ бүр баталгаатай төлүүлэхийг хүсч байв. Тэр хаалга руу тэмүүлсэн боловч айдас хурсан царайтай хөгшин кардиналууд түүнийг бүчин авлаа.
«Та нар яах гээд байгаа юм бэ? Намайг алмаар байна уу?» гэж Витториа хашхирав.
Тойрон зогссон өвгөчүүл хувьсхийхэд, Витториа ингэж хэлсэндээ харамслаа. Тэд - өтөлж яваа махан бие дотроо оршсон ариун сүнснүүд байлаа. Хөөрхий тэд энэ шөнө хэтэрхий олон удаа хүчирхийлэлд өртжээ. Тэд огт заналхийлсэн янзгүй байв. Тэд зүгээр л айсан, аргаа барсан хүмүүс байв.
«Би зүгээр л зөв юм хийх гэсэн юм» гэж өвгөн кардинал хэллээ.
«Тэгвэл наад бүсгүйгээ тавьчих» гэж ард нь нэг хүн хэлэв. Тэр үг тайван, шийдмэг сонсогдоно. Роберт Ландон бүсгүйн хажууд ирээд, гараас нь барилаа. «Ветра авхай бид хоёр эндээс гарлаа» гэлээ.
Гайхаж эргэлзсэн кардиналууд дурамжхан зай тавьж өгөв.
«Азнаарай!» Мортати тэр хоёр руу хэлээд, хоймрын тахилын дэргэд сөхөрч, гиюүрч, гутсан камерлингог орхин айсуй. Тэр өмнөхөөс илүү өтөлсөн харагдана. Хөдөлгөөн нь саяын болсон ичгүүрт явдлыг туучих мэт хөшингө. Кардинал хүрч ирээд нэг гараа Ландоны, нөгөөг нь Витториагийн мөрөн дээр тавилаа. Витториад, тэр эгшинд, гүн хүндэтгэл төрөв. Өвгөний нүд гэмших мэт цийлэгнэж байлаа.
«Мэдээж та хоёр явж бололгүй яах вэ» гэж Мортати хэлээд: «Мэдээж шүү дээ» гэснээ зогтусахад нь гэмшил харууслыг нь харж, бараг л барьж болмоор тод үзэгдэж байлаа. «Нэг л юм гуйя ...» гээд доошоо гэмшингүй харж, хэсэг зогссоноо, эргээд Ландон, Витториа хоёр руу эгцлэн харж: «Би үүнийг хэлье. Би одоо талбай дээр гараад хүмүүст наманчлан хэлье. Яаж хэлэхээ мэдэхгүй л байна... гэхдээ арга нь олдох биз. Шашин өөрөө наманчлах ёстой. Алдаагаа бид өөрсдөө хүлээх ёстой» гэлээ.
Өвгөн эргэж, гол тахил руу харлаа. «Карло, чи энэ шашныг сүйрлийн ирмэгт аваачлаа» гэлээ. Тэгснээ зогтусав. Гол тахил хоосон байв.
Дуганы хана даган, хувцас намиран ширхийх сонсогдоод, гэнэт хаалга дуугарлаа.
Камерлинго гарч оджээ.
Хэсэг 134

Вентреска камерлингогийн цагаан дээл Систин цогчны шатаар намилзан, алга болов. Швейцар жард түүнийг гарч ирээд, ганцаараа баймаар байна гэхэд нь гайхаж орхилоо. Гэхдээ, дуулгавартай яа, хүндэтгэн дагажээ. Камерлинго булан тойрч, хүний нүднээс далд ормогцоо, хорьж дийлэхгүй байгаа сэтгэлээ тавилаа. Хүн тэсэхийн аргагүй гутрал, гансрал, гэмшил хуйлран, хамаг сэтгэлийг нь урж тастан байлаа. «Гэгээн эцэг минь» гэж өөрөө дууддаг, өөрийг нь «хүү минь» гэж дууддаг тэр хүндээ хор өгөөд алчихжээ. «Эцэг», «хүү» гэдэг үг зүгээр л шашны уламжлал юм гэж боддог байсан чинь, үнэхээр мах ясаараа холбоотой хоёр хүн бие биеэ тэгж дууддаг байсан юм санж.
Хэдхэн долоо хоногийн өмнөх тэр шөнө шиг, камерлингогийн сэтгэл ёроолгүй ангал руу түнэр харанхуйд унаж явлаа.
Ватиканы бороотой нэгэн өглөө тэндхийн ажилтнууд камерлингогийн хаалгыг нээн орж ирж, түүнийг амттай нойроос нь сэрээлээ. Дээрхийн гэгээн хаалга цохиход чимээгүй, утастахад хариу өгөхгүй байна гэнэ. Тэд голдоо ортол айсан байлаа. Папын өрөөнд зөвшөөрөл авалгүй орох эрхтэй цорын ганц хүн нь камерлинго билээ.
Камерлинго Папын өрөөнд ганцаараа ороход, урд шөнө яаж үхсэн яг тэр чигтээ хэвтэж байлаа. Дээрхийн гэгээн яг л Сатаан шиг харагдаж байв. Үхэл л ийм өнгөтэй байдаг болов уу гэлтэй хэл нь тас хap байлаа. Папын дугтам дээрээ албин шиг хэвтэнэ.
Камерлинго эмгэнэсэнгүй. Бурхны зарлиг шүү дээ.
Хэн ч түүний булайг мэдсэнгүй ... одоохондоо л лав мэдээгүй байгаа. Дараа нь л мэдэх биз.
Камерлинго өрөөнөөс гарч ирээд, Дээрхийн гэгээнтэн зүрхний шигдээсээр таалал төгссөнийг зарлав. Тэгээд, цуурганд бэлдлээ.
Мариа эхийн шивнээ чихэнд нь сонсогдоно. «Бурханд өргөсөн тангаргаа хэзээ ч битгий няцаарай!»
«Ээж минь, би таныг сонсоод байна. Энэ сүсэггүй ертөнцийг эргүүлээд зөв замд нь оруулах хэрэгтэй байна. Айдас, аврал хоёр л ганц зам шүү дээ» хэмээн камерлинго хариулна.
«Тийм ээ. Хэрэв чи биш бол ... хэн? Хэн энэ шашныг энэ харанхуйгаас авч гарах вэ?»
Дэвшигч нарын нэг л лав биш. Тэд хөгшин ... амьдаараа үхчихсэн ...эртний ёсыг халж орчин үеийн хүмүүсийг даган хөл алдаж эрдмийг хөхин магтах либералууд. Цаг үеэсээ хоцрогдсон мөртөө, үгүй гэж долдгонох өвгөд. Мэдээж тэд эрх баривал сүйрч л таарна. Шашны тэнхээ нь уламжлал, огт үл хувирахад л байдаг. Бүх дэлхий хувьсана. Харин шашин хувьсах шаардлагагүй, зүгээр л хувьсан буй ертөнцөд өөрийнхөө чухлыг л сануулан байх үүрэгтэй. Хар зүгийн хүч оршсоор буй! Бурхан дийлж л таарна!
Шашинд удирдагч хэрэгтэй. Хөгшчүүл хэзээ ч хүмүүсийг өөртөө татаж чаддаггүй! Есүс татаж байсан! Залуу, эрчтэй, чадалтай ... ГАЙХАЛТАЙ!
«Цайгаа тавтай барь» гэж камерлинго хэлээд, дөрвөн дэвшигч-ийг Папын хувийн номын санд үлдээгээд гарлаа. Цуурган болох гэж байв. «Та бүхнийг энд хүн ирж дагуулна».
Дэвшигч нар түүнд талархаад, алдарт Пассето хонгилд орж үзэхийг урьсанд гайхлаа. Гайхалтай! Камерлинго тэднийг орхихын өмнө хонгилын цоожийг нээж, харин яг цагтаа хаалга онгойн, араб царайтай нэгэн гэлэн бамбар барьсаар орж ирээд, хөөрхий дэвшигч нарыг хонгилоор авч одов.
Хөөрхий тэд дахиж гарч ирсэнгүй.
Тэгээд айдас, дараа нь аврал ирнэ.
Үгүй байлгүй дээ... би тэр албин чинь өөрөө байжээ.
Камерлинго Гэгээн Петерийн ордны сүүдэрт гүйнэ. Солиорол, гэмшиг хоёрын эрчээр ч юм уу, гансрал, ухаарал хоёрын эрчээр ч юм уу, эцгийнхээ царайг бодоод ч юм уу, морфины үйлчлэлээр ч юм уу оюун санаа нь цэлмэж орхив. Хувь заяаны ухаарал. Би юу хийхээ мэдэж байна.
Эхнээсээ эхлээд л, энэ шөнө бүх юм түүний төлөвлөснөөр явсангүй. Таах аргагүй саад ямагт тулгарч, харин камерлинго нөхцөлд нь тохируулан зохицуулж байлаа. Гэхдээ л, энэ шөнө ингэж дуусна гэж бодсонгүй, гэхдээ л тэр энэ үйл явдлаас аятайхан мултрах аргаа олчихсон байлаа.
Үүнээс өөрөөр төгсөх ёсгүй.
Систин цогчинд ямар аймшигтай байсан бэ, бурхан намайг өршөөсөн эсэхэд хүртэл эргэлзлээ. Ямар үйлтэй юм хийчих вэ? Өвдөг дээрээ сөхрөн, эргэлзээнд умбан, бурхны өгүүлэхийг олж сонсохоор хичээсэн ч юу ч сонссонгүй. Бошго, заавар, чиглэл үзүүлэхийг гуйна. Шашин ичгүүрт явдлаа илчлэн мөхөөсэй гэж бурхны хүсэл байсан хэрэг үү? Үгүй байлтай! Бурхан л камерлингог ийм юм хий гэж зарлигдсан. Тэгсэн биз дээ?
Тэр эгшинд бүхний учрыг ухаарав. Гол тахилын өмнө зогсоод, бошго харлаа. Ердийн зүйл гэнэт ер бусын харагдах нь яах аргагүй ариун зарлиг дамжуулсан хэрэг мөн. Загалмай. Энгийн, модон загалмайд Есүсийг хаджээ. Яг тэр мөчид бүх юм ойлгомжтой боллоо. Тэр хэзээ ч ганцаараа үлдэхгүй.
Тэр бурхны хүсэл байлаа.
Бурхан хамгийн хайртай хүнээсээ хамгийн их золиос шаарддаг билээ. Яагаад камерлинго үүнийг ойлгох гэж ингэж удав аа? Хэтэрхий аймхай эсвэл хэтэрхий ноомой байв уу? Ямар ч ялгаагүй, бурхан зам зааж байна. Одоо камерлинго бурхан яагаад Роберт Ландоныг аварсныг ч тодорхой ухаарч байв. Үнэнийг харуулахын тулд, ийм төгсгөлд хүргэхийн тулд байжээ.
Энэ л шашныг аврах цор ганц зам байлаа!
Паллиумын хонхор руу бууж явахдаа, яг л хөвж байгаа юм шиг санагдана. Морфин хамгийн хүчтэй үйлчилж байсан ч бурхан түүнийг хөтөлж яваа гэдгийг мэдэж байв.
Кардиналууд цогчноос тээнэгэлзэн гарч, Швейцар жардад тушаал өгч байгаа нь алсаас сонсогдоно.
Гэхдээ, тэд түүнийг олохгүй. Одоохондоо л олохгүй.
Тэр нисэх мэт гүйсээр ерэн есөн тосон зул анивалзах нүхэн танхимын шатаар жирэлзтэл буулаа. Бурхан түүнийг ариун газар рүу хөтөлж байв. Камерлинго некрополис орох нүхэн замыг тагласан сараалж руу гүйнэ. Гэгээн харанхуйн дунд, тэнд л энэ шөнө төгсөх ёстой. Тэр тосон зул авч, доошоо буухаар зэхэв.
Нүхэн танхимаар гүйж явахдаа, камерлинго гэнэт зогслоо. Нэг юм буруу санагдав. Бурханд яаж зүтгэхээрээ ингэж үхэх ёстой билээ? Ганцаараа үхлээ гээд гавъяа нь юу вэ? Есүс бүх дэлхий нүдээрээ харж байхад, зовлон туулсан. Тэгэхээр ингэж үхнэ гэдэг бурхны хүсэл яавч биш! Тэр өөрийнхөө бурхны хэлэхийг бүдэг бадаг сонсоно.
Карло, бурхан чамайг учиртай заяасан юм гэж ээж нь хэлнэ.
Гайхаж цочирдсон камерлинго урагшаа алхсаар.
Гэтэл бурхан өөрөө түүн дээр ирлээ.
Камерлинго түүн рүү ширтэн зогсоно. Ерэн есөн зулын гэрэл ард нь байгаа гантиг хананд сүүдрийг нь тусгах ажээ. Аймшигтай, том, бүүдгэр дүрс алтрах гэрлээр хүрээлүүлжээ. Тэр гэрлийн туяанд, камерлинго тэнгэр рүү хөөрөх ангель шиг л өөрийгөө бодож байлаа. Ангель шиг гараараа дэвэн сүүдрээ мэлрэн хэсэг зогсов. Тэгээд, шат руу эргэн харлаа.
Бурхны захиас ойлгомжтой байв.
Систин цогчны гадаа хүмүүс гурван минут хэртэй шуугилдсан боловч камерлингог олсонгүй. Шөнийн тэнгэр түүнийг залгичихсан юм уу гэлтэй сүнс сүүдэргүй алга болжээ. Мортати түүнийг хайхаар Ватиканыг бүрэн самнуулах гэж байсан ч, гадаа Гэгээн Петерийн талбай дээр хүмүүс түрхэрэн шуугихыг сонслоо. Тэд баясан хашхиралдаж байхыг сонсоод, кардиналууд бүгдээрээ цочсон байртай харц солилцоно.
Мортати нүдээ аниад: «Бурхан өршөө!» гэв.
Тэр шөнө хоёр дахь удаагаа кардиналын чуулган Гэгээн Петерийн талбай дээр цутган гарч ирэв. Ландон, Витториа хоёр ч тэдний дунд урссаар, талбайд гарч ирлээ. Хэвлэлийнхний гэрэл бүгд ордны төв рүү чиглэжээ. Ордны нүүрэн талын голд байх Папын эрдэнийн тагт дээр Вентреска камерлинго гараад зогсчихсон, тэнгэр рүү сарвайж байлаа. Тэртээ холоос ч тэр дахин төрсөн мэт ариун үзэгдэнэ. Цагаан дээлтэйгээ гэрлийн төвд гялалзана.
Талбайд хурсан олны эрч гэнэт давлагаалах мэт болж, Швейцар жард хорьж дийлсэнгүй сад тавилаа. Түмэн олон ордны зүг уулгалан давшина. Тэд уйлан, дуулан, хэвлэлийн гэрлүүд гялсхийн цутган орж ирэхэд, энэ замбараагүй байдлыг юу ч зогсоож дийлэхгүй санагдана.
Гэтэл жигтэй хачин юм боллоо.
Тэртээ дээр камерлинго жижигхэн зан үйл хийв. Тэр хоёр гараа элгэндээ эвхээд, бөхийн залбирав. Хашгичин үймсэн олон нэг нэгээрээ, арав арваараа, зуу зуугаараа эгнэн, түүнийг даган толгой бөхийлгөлөө.
Саяхан оволзон шуугиж байсан талбай, хормын төдий аниргүй мөргөлөөр дүүрэв.
Алс тэртээ одсон сэтгэлдээ камерлинго найдвар, гансрал хослуулан мөргөнө. ... Буян төгөлдөр ... эцэг, эх хоёр минь ... өршөө намайгаа ... та хоёрынхоо цор ганц хуү тань ... ингэж л тахил өргөе дөө.
Ээ, Есүс минь ... биднийгээ тамын галаас аварч ... бүх сүнсийг ... таны аврал онц хэрэгтэй тэр сүнсийг ... тэнгэр рүү аваачаач ...

Камерлинго өөрийг нь ширтэж байгаа бүх дэлхий, доор нь байгаа түмэн олон, зурагтын камер руу нүдээ нээж харсангүй. Сүнсээрээ л мэдэрч байлаа. Хурсан олны залбирал түүний мэт зовлонт сүнсийг ч ариусгах мэт. Бүх хүнийг хэрсэн том гэгч сүсгийн тор дэлхий даяар татсан мэт. Гэртээ, машиндаа, энэ дэлхий тэр чигтээ зурагтынхаа өмнө нэгджээ. Зуу зуун улс оронд, түмэн янзын хэлээр хүн болгон нэг том зүрх болон нэгдэж бурханд хүрэх шиг. Тэдний мөргөлийн үгс шинэ атлаа эртний үнэнийг өөрийнхөө дуу хоолойгоор, өөрийнхөө сүнсэн дээр сийлсэн мэт танил дотно байв.
Цаг мөнх, орон хязгааргүй мэдэрнэ.
Аниргүй мөч өнгөрч, сүлд дуулан баясах чимээ алгуур нүргэлж эхлэв.
Цаг болжээ.
Доромжлол, хуурмаг итгэл, мунхаглалын төлөө Ариун гурван эрдэнэдээ би өчүүхэн бие, цус, сүнс гурваараа өргөл барья...
Камерлинго бүх биеэрээ аль хэдийн өвдөлт мэдрээд эхэллээ. Өвчин арьсан дээгүүр нь дүрсхийтэл тарж, сүнс нь биеэсээ салж одохын түүс болов. Бурхантай анх удаа уулзахын өмнө сэтгэл нь яг ингэж өвдсөн билээ. Есүс ямар зовлон эдэлснийг бүү март. Утаа хоолойд нь зангирах шиг. Тариулсан морфин нь ч нэмэр болсонгүй.
За ингээд миний үйл дууслаа.
Айдас нь минийх. Аврал нь тэднийх.
Паллуимын хонхорт, камерлинго бурхны үгийг даган, өөрийгөө тосолсон байлаа. Үс, нүүр, дээл, биеэ бүхэлд нь тосолж, зулын ариун тосонд бүхэлдээ нэвчсэн байв. Яг л ээжийн минь үнэр шиг сайхан дотно үнэр гарах авч, чөтгөр шиг шатдаг тос билээ. Гайхалтай төгсгөл, түргэн ч төгсгөл болно доо. Ардаа ичгүүрт явдал бус ... харин тэнхээ, гайхамшиг үлдээлээ.
Хармаандаа гараа шургуулан, Паллиумын incendiario-ooc авсан жижиг алтан асаагуураа атгалаа.
Амандаа Шүүлт бүлгийн шадыг уншина. Галын дөл тэнгэр рүү одоход, Эзний ангель галын дөлтэй хамт нисэн одлоо.
Эрхий хуруугаа дарахад бэлтгэв.
Гэгээн Петерийн талбай дээр хүмүүс дуулсаар ...
Ертөнц хэзээ ч мартахгүй зүйл үзлээ.
Тэртээ тагт дээр сүнс биеэсээ зугтан гарах мэт, камерлингогийн цээжинд ганц дөл улалзаад, гал дүрсхийн бүх биеийг нь хучин авлаа. Тэр хашгирсангүй, харин гараа өргөн тэнгэр рүү харав. Гал хөөрхий камерлингог тэр чигт нь нөмрөн, галт багана бослоо. Түүдэг мэт дүрэлзэх тэр галыг бүх дэлхий харж байв. Гэрэл нь улам тодрон тодорно. Тэгснээ аажмаар унтарлаа. Камерлинго алга. Тагтны хашлагын цаана унасан уу, агаарт замхран алга болов уу гэдгийг хэлэхэд бэрх. Утаан багана Ватикан хийдийн тэнгэрт уугиж байлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.21.15 9:13 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
За өнөөдөр дуусгачих гээд ёстой чадсангүй. Маргааш л дуусгая даа!

_________________
Avatar by Someone


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited