#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.28.17 9:13 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Dec.23.16 4:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
117

Алтан арал дээрх хэрэг явдал зургаан сарын хорин гурваны орой эхлэн өрнөжээ. Өдөржин далай шууран цалгив. Баруун урдаас, аадрын үүлс мөлхөн наашилж, цахилгаан цахин бараан тэнгэрийг цуу татна. Усны тоос арал дээгүүр галзуу манан шиг бүрхэв.
Оройдоо бороо намдан аянга алс далайн чанадад гилбэх болсон боловч салхи бас л ширүүн хэвээр арал дээрх модыг газар савчуулан, өндөр дэнлүүний баганыг тахийлган, цахилгаан дамжуулах утас тасалж, модон байшингийн дээврийг хуулан шидэлж эвдлэн сүйтгэсээр байлаа. Салхи диваадад шиг аашилж байсан болохоор арал дээр амьд бүхэн орон байрнаасаа толгой цухуйлгасангүй. Боомтод усан онгоцнуудын уяа гинж чахран гийнаж, ачааны хэдэн онгоц зангуугаа тасчин далайд далдран оджээ. Ордны эсрэг талын жижиг буудалд «Аризона» хөлөг онгоц долгионы аясаар загасны дэгээний үйсэн хөвүүр шиг шидэгдэн бөндгөнөнө.
Арлын оршин суугчид сүүлийн үед эрс цөөрчээ. Уурхайн ажил зогсож, Ламоль хатагтайн их барилга байгууламж эхлээгүй учраас зургаан мянган ажилчнаас дөнгөж таван зуу л үлджээ. Бусад нь алт ачаалж аваад арлыг орхисон байлаа. Ажилчдын хоосорч суларсан байрыг нураан зөөж ирээдүйн барилга барихад бэлдэн газрыг нь тэгшилнэ.
Энэхүү энх тунх алгын чинээ газар дээр гвардичуудад хийх юм олдохоо болив Цагаан шарыг өмсөөд хадан дээгүүр, төмөр торон хашлагын дагуу бууныхаа замгийг тачигнуулан манааны нохой шиг царайлан явдаг цаг өнгөрчээ. Тэд ууж согтуурах болов. Том хот, баян тансаг зоогийн газраа санан үгүйлэхдээ чөлөө гуйж, ажил хаяна хэмээн сүрдүүлэх болов. Гэвч хэнд ч чөлөө өгөхгүй, хэнийг ч халахгүй гэсэн Гарины хатуу даалгавартай, хуаран нь их гиперболоидын хараанд тогтмол байдаг авай.
Хуаран тэр аяараа мөрийтэй тоглох болов. Хуарангийн хажууд дөрвөлжлөн хураасан их алтыг гашуун цагаан луувангийн дайтай ч үзэхийг больж буугаараа, хуучны яс сайтай гаансаараа, дарж хадгалсан шил коньякаар, «нармайгаа нээлцэх нударга» зэргээр мөрийцөн тоглоно. Орой тийшээ голдуу л хуаран даяар согтуу болно. Генерал Субботин сахилга журмыг барьж чадахаа болиод яаж ийж байгаад зүй ёсыг сахиулах гэж оролдоно. Тэрбээр орой бүр офицерын гуанзанд:
— Ноёд офицеруудаа, ичээч ээ! Ноёд мннь, хэтэрхий дорд орлоо биш үү гэж хашгирах боловч нэмэргүй.
Ямар ч арга хэмжээ нөлөө үл үзүүлнэ. Гэвч зургаан сарын хорин гуравны шуургатай өдрийнх шиг тэгтлээ уусан нь бас үгүй ээ. Салхины улилт гвардичуудад хязгааргүй гуниг авчран, хуучин дурдатгалыг нь сэргээж, шархыг нь хөндөн сэдрээжээ. Усны тоос цонх балбана. Тэнгэрийн их буучид шуурган галаар хүрхрэн бархирна. Хана чичигнэн шажигнаж, ширээн дээр тавьсан шилэн аяга хавиран харшилдана. Гвардичууд урт ширээ тохойлдон сууж ширэлдсэн үстэй толгойгоо тэврэн «Ай чи, алимхан, альхан тийшээ өнхөрнө вэ...» гэж дайсны дуу дуулна. Хаа тэртээгээс долгион дундах бяцхан арал дээр тээгдэн ирсэн энэ дуу эх нутгийн чимх давс шиг байсан тул нүдэндээ нулимстай согтуу толгойнууд ганхан орилно. Генерал Субботин сөөтлөө орилоод хэнийг ч дэглэж чадсангүй тул бүгдийг нь яавал ч яаг гэж зөнд нь орхиод өөрөө навс уужээ.
Хувьсгалт хорооны тагнуул (Иван Гусевын дүрээр) хуаран дахь хүнд байдлыг илтгэв. Оройн зургаан цагт Шельга таван өсгөлүүн уурхайчин дагуулан харуулын байранд очоод винтов буунууд тавиастай урт вандан ширээний хажууд зогсож буй халамцуу хоёр харуултай хэрэлдэх гэж өдөв. Харуулууд сэрэмж алдсан тул төдхөн унатлаа цохиулж зэвсгээ хураалган хүлэгджээ. Шельга хэдэн зуун винтовтой болов. Түүнийг тэр дор нь гэрлийн шонгоос шон руу харайж, мод бутны араар нуугдан шавар шалбааг дээгүүр мөлхөж ирсэн ажилчдад тавин олгожээ.
Зуун хүн хуаранд дайран орлоо. Гвардичууд дайран орогчдыг лонх, явган сандал шидэн угтаж, бөөн будлиан болов. Төдхөн тэд бас зохион байгуулагдан хориглож гар буугаар гал нээн ширүүн тулаан болов. Эрүүл согтуу хоёр гардан байлдаанд орж, хагарсан цонхны цаанаас яраглан янцаглах, үхэж буй хүний орь дуу тавих чимээ сонсдоно. Дайрагчид цөөхөн, таван хүнд нэг хүн оногдож байсан боловч тэд эвэр ургасан аварга нударгаараа энхрий цагаахан гвардичуудыг нунтаглаж орхижээ. Тусламж ирж, гвардичууд цонхоор үсрэн үхнэ. Хэд хэдэн газар түймэр гарч, тэр хавь утаанд умбалаа.

118

Янсен харшийн эзгүй, харанхуй танхимуудаар гүйнэ. Задгай жигүүр дээр далайн түрлэг хүрхрэн шуугин бууна. Салхи цонхны жаазыг доргион шуугина. Янсен хатагтайг дуудаж, аймшигт түгшүүрийн дунд хариу чагнана.
Тэрбээр доош Гарины тал руу шатаар дэгдэн буулаа. Дор буун дуу дуулдан, орилох хашгнрах чимээ сонсдоно. Дотоод цэцэрлэг рүү шагайж харлаа, хэн ч алга. Эсрэг талд ороонго өвсөнд дарагдсан их даамангийн гадна талын хаалгыг эвдлэн балбаж байлаа. Тэгтлээ бөх унтаж болно гэж үү, цонх хагалсан сум л Янсеныг нойроос сэрээжээ. Ламоль хатагтай зугтаачихсан гэж үү? Эсвэл түүнийг алчихаа юу?
Тэрбээр ямар нэг хаалга таамгаар онгойлгоод дотор нь орлоо. Дөрвөн цэнхэр бөмбөлөг, шигтгээ зурагтай адарт дүүжлээстэй тав дахь бөмбөлөг элдэв багаж хэрэгсэл тавьсан ширээ, хэмжигч багажтай гантиг самбар, маажин түрхсэн катодын ламптай хайрцаг, шүүгээ, динамо моторын утас, элдэв шугам зурагтай бичгийн ширээг гэрэлтүүлнэ. Энэ бол Гарины ажлын тасалгаа ажээ. Хивсэн дээр хумьж хаясан алчуур байхыг үзээд Янсен шүүрч авлаа. Түүнээс хатагтайн сүрчиг үнэртэж байв. Тэгэхэд л ахмад эндээс их гиперболоидын цахилгаан шатанд хүрдэг газар доогуурх зам буйг санаж, энэ хавьд л нууц хаалга байх ёстой доо. Ламоль хатагтай анхны буун дуунаар л гиперболоидын цамхаг руу гүйсэн байж таарна. Тааж ядаад байх юу байх вэ!
Янсен хаалгыг хайж нйш тийшээ харав. Гэтэл шил хагарах сонсогдож, гүйлдэх хөлийн чимээ дуулдан, хананы цаана бие биенээ дуудан хашгиралдах чимээ гарав. Харш руу дайрч байна. Гэтэл хатагтай Ламоль юугаа хүлээгээд гиперболоидыг үл ажиллуулна вэ? Тэрбээр гүйж очоод хоёр самбарт сийлмэл хаалгыг цоожлов. Тэгээд гар буугаа сугалан авлаа. Харш хашгираан орилолдоон, хөлийн чимээгээр дүүрч байх шиг түүнд санагдав.
— Янсен!
Түүний өмнө Ламоль хатагтай зогсож байлаа. Хатагтайн цайж зэвхийрсэн уруул хөдлөв. Гэвч юу хэлснийг нь Янсен сонссонгүй. Тэрбээр хүндээр амьсгалан хатагтайг ширтэнэ.
— Бид сөнөлөө, Янсен, бид сөнөлөө! гэж хатагтай давтан хэллээ.
Хатагтай хар палааж өмсжээ. Туранхай урт гараараа элгээ тэвэрсэн агаад нүд нь хөх далайн шуурга шнг бадран гялалзана. Тэрбээр:
- Их гиперболоидын цахилгаан шат ажиллахгүй байна. Цахилгаан шат бүр дээшээ очжээ. Цамхаг дээр ямар нэг хүн байна. Тэд гадуур нь авирч гарсан болотой. Энэ бол Гусев хүүгээс өөр хэн ч биш...
Хуруугаа шажигнуулан сийлбэрт хаалгыг ширтэв. Хөмсөг нь хөдөлнө. Хаалганы цаана олон хөл дэвслэн орилолдоно. Буудалцана. Хатагтай ширээнд яаран суугаад цахилгаан залгуурыг залгахад динамо зөөлөн ульж, хэдмэн жимсний хэлбэрт чийдэн ягааран асахад түлхүүр түлхэгдэн дохио цацлав.
— Гарин, бид сөнөлөө... Гарин, бид сөнөлөө... хэмээн тэрбээр микрофоны торонд бөхийж хэллээ.
Минутын дараа сийлбэрт хаалга олон хөл гарын хүчинд нажигнан салгалж эхлэв.
— Хаалгаа онгойлго! Онгойлгооч! гэх дуу сонсдоно.
Ламоль хатагтай Янсены гараас хөтлөн авч хана руу очоод шалны дээхнэ хананд байгаа сийлбэрийн нэг гогцоог хөлөөрөө түлхвэл ханын хоёр баганын хоорондох зузаан даавуу бүрээстэй хавтан доош гулсан одов. Хатагтай Янсен хоёр нууц нүхээр газар доогуурх замд орлоо. Тэднийг зайлангуут нөгөөх хавтан байрандаа эргэж ирэв.
Аадрын дараа давалгаалах далайн дээрх одод улам ч хурц тод гэрэлтэнэ. Салхи унан тустал цохино. Далайн түрлэг өндөрт хөөрч хад чулууг хаман түжгэнүүлнэ. Далайн шуугианы завсраар буудалцах сонсдоно. Ламоль хатагтай Янсен хоёр бут хадны цаагуур нуугдан моторт онгоц тавьдаг хойд тохой руу гүйнэ. Баруун талд нь харшийн өндөр хана харлан үзэгдэнэ. Зүүн талд далайн долгионы цавьдар дэл мэт хөөс цайран үзэгдэж алсад долгион дээр бүжиглэн буй «Аризоны» гал улалзана. Архан талд тэнгэрт умбасан их гиперболоидын сараалжин дүрс сүмбэрлэнэ. Оройд нь гэрэл харагдаж байлаа.
Хатагтай гүйх зуур эргэж цамхгийн зүг гараараа заан:
— Хараач! Тэнд гэрэл байна! Энэ бол үхэл гэсэн үг! гэлээ.
Тэрбээр эгц налуугаар тохой руу буухад далайн давалгаанаас хаацайлагдсан энэ тохойд харшийн задгай жигүүр лүү гардаг шатны хормойд бяцхан моторт онгоц дайвалзан зогсоно. Хатагтай онгоцонд үсрэн суугаад дээгүүр нь дэнжгэнэн гүйж моторт хүрээд чичирсэн гараар асаагуурыг залгав.
— Хурдлаарай, Янсен, хурдлаарай! Онгоц гинжээр уягдан цоожлогдсон байлаа. Янсен гогцоонд нь гар бууны амыг оруулан гөнжиж цоожийг эвдэлнэ. Дээд задгай жигүүр дээр хаалга пижгэнэн онгойж зэвсэгтэй улс гарч ирэв. Янсен гар буугаа шидчихээд гинжийг угаар нь чангааж угзрав. Хамаг булчин нь нажигнаж, хүзүү нь гүрдийн чилийж, хүрэмнийх нь захны дэгээ мулт үсрэв. Мотор нижгэнэн асахад дээрх хүмүүс шатаар доош гүйлдэн «Зогс, зогс» хэмээн буугаараа даллан хашгиралдаж байлаа.
Янсен сүүлчийн хүчээ шавхан гинжийг сугалан, онгоцоо долгион руу түлхэчихээд дөрвөн хөллөж гүйсээр жолоонд хүрлээ.
Моторт онгоц дугуй татуулан ус хагалж тохойгоос гардаг явцуу ам руу хурдлахад араас нь буудан гал маналзав.
— Шат буулгаач ээ! Үхсэн хогнууд аа! Ахлах туслагч хаа байна? Унтаж байгаа юм уу! Дүүжилнэ дээ! хэмээн «Аризоиы» дэргэд ирсэн бяцхан онгоцон дээр Янсен хашгична.
— Энд, энд байна, ахмадаа! Байна, ахмадаа!
— Татлагаа тасал! Мотороо асаа! Гүйцэд хурдаар! Гэрлээ унтраа!
— Гүйцэтгэе, гүйцэтгэе, ахмад аа!
Онгоцны шатаар Ламоль хатагтай түрүүлэн авирч гарлаа. Онгоцон дээр гарчихаад ханан дээгүүр доош тонгойн харвал Янсен босох гэж хүчилснээ хажуу талаараа эвгүй унаж, доош унжуулсан шатны үзүүр барьж авах гээд чадахгүй байхыг үзэв. Давалгаа түүиийг бяцхан онгоцтой нь цуг бүрхэн далдлаад дахин буцахад мөн л өвдөж шаналсан царай, өөрийн мэдэлгүй болсон бие харагдав.
- Яачихаа вэ, Янсен?
- Би шархадчихлаа.
Дөрвөн усан цэрэг бяцхан онгоцон дээр үсрэн буугаад Янсеныг дамжлан авч «Аризона» дээр гарав. Янсен хөлөг онгоцны давцан дээр бөөрөө тэврэн унаад ухаан алджээ. Түүнийг өрөөнд нь аваачив.
«Аризона» арлаас холдон далайн гүн харанхуйд уусан давалгаа зүсэн эцсийнхээ хурдаар тэмүүлнэ. Ахлах туслагч онгоцыг удирдаж, Ламоль хатагтай ахмадын бүхээгт түүнтэй зэрэгцэн зогсоод хашлага төмрөөс хоёр гараараа зуурчээ. Хамаг биенд нь нойтон хувцас наалдаж, ус шүүрнэ. Шатаж буй хуарангийн гэрэлд арлын дээгүүр гэгээ татан, олгойдох их хар утаатай эрчлэлдэн улаан хараар томолдоно. Гэтэл хатагтай нэгийг ажиглав бололтой ахлах туслагчийн ханцуйнаас шүүрэн авч:
Баруун урагшаа эргэ гэлээ.
— Энд хад чулуутай. хатагтай.
Дуугаа тат, танд падгүй!.. Арлыг зүүн гар талдаа орхин өнгөр.
Ингэж хэлээд хөлгийн дээр зоосон сараалжин цамхаг руу гүйв. Онгоцны хамар дээгүүр давж ирсэн хүчтэй давалгаа хатагтайг цохиж унагаахад нэгэн усан цэрэг өргөн босголоо. Уурсаж хорссон тэр эмэгтэй мацаж зүтгэсээр цамхгийн оройд гарав.
Арал дээр түймрийн утаанаас хамаагүй дээр нүд сохлом хурц тод од асах нь их гиперболоид «Аризоныг» эрэлхийлэн байгаа нь тэр ээ.
Арлын цамхгаас олон бээр газар тусах их гиперболоидын тасам туяанаас хэзээ ч гарахгүйгээ мэдсэн Ламоль хатагтай дайтахаар шийджээ. Тасам туяа эхлээд оддын зүг тэмүүлэн дараа нь тэнгэрийн хаяа руу чиглэж хэдэн хормын дотор дөрвөн зуугаад километр тойрог зурав. Тэгснээ одоо далайн баруун хэсгийг нэгжиж гарлаа. Түүний усан дээр туссан газар болгонд өтгөн цагаан уур дэгдэнэ.
Арлаас долоон бээр газрын зайд «Аризона» арлын дагуу дээд хурдаараа явж байлаа. Шуугьсан усанд шургаа хүртэл умбаснаа давалгаан дээр өндөгний хальс шиг шидэгдэн гарч ирэв. Тэр үед нь амжиж Ламоль хатагтай тасам туяагаар арал руу хариу гал нээлээ. Хаа нэгтэй модон барилга шатаж арал дээр нэгэн их түүдэг дүрэлзэн асаж ойр хавийн далайг гэрэлтүүлсэн тул давалгаан дээр гарч ирсэн «Аризоны» дүрс арал дээрээс харагдав бололтой, их гиперболоидын хурц цагаан зүү шиг туяа дээш доош хөрөөдөн дэргэдүүр гүйж нэг бол өмнөхөн талд, эсвэл ардханд тусан тэмтчив.
Энэ хурц тод одны туяа шууд л нүд рүү нь хатгаж байх шиг Зояд санагдсан бөгөөд өөрөө ч гэсэн аппаратынхаа галаар тэр л одыг олж хатгах гэж мэрийжээ. «Аризоны» сэнс чадлаараа орилон тэмцэж хөлөг онгоц давалгаан дээрээс уруудан доошлов. Яг энэ үед тасам туяа байгаа олж хэмжээ дамжаагаа тааруулав бололтой шууд л онгоцны ханан дээр эрчлэн гялалзан бууж ирэв. Зоя нүдээ анилаа. Онгоцны давцан дээр зогсоод энэ халз тулааныг харж байсан хэний боловч зүрх зогсох шиг болов.
Зояг нүдээ нээхэд онгоц шурган орсон тэр л их усны хана мэлтийн байв.
«Энэ бол арай ч бас төгсгөл биш байжээ» хэмээн Зоя бодлоо. Аппаратаас гараа авахад гар нь доошоо сул унаж байв
Дахиад давалгаан дээр гарч ирсэн хойно л чухам яагаад аврагдсан нь тодорхой болов. Асар зузаан хар утаан хөшиг арал болон цамхгийг бүрхжээ. бодвол нефтийн агуулах дэлбэрсэн бололтой. Энэ утаан хөшигний цаана «Аризона» тайван яваад алга болж болох байв.
Их гиперболоидыг устгаж чадсан эсэхээ Зоя мэдсэнгүй, утаан цаанаас гэрэл харагдахаа больсон ч юм уу тэр зүгээс чимээгүй л боллоо. Ямар ч л гэсэн одоо яваад өгч болохоос цааш хамаа байж вэ!.. Тэрбээр арай ядан цамхгаас буугаад юм хүм дамжин түшиж явсаар хөх хөшигний цаана Янсен аахилан хэвтэж буй ахмадын өрөөнд орж ирэв. Буйдан сандалд лагхийн унаад цагаан лавын чүдэнз зурж янжуур татлаа.
«Аризона» баруун хойд зүгт холдон явав. Салхи намдсан боловч далай номхорч өгөхгүй л байлаа. Өдөрт хэд хэдэн удаа болзолт дохиогоо өгч Гаринтай холбоо барих гэж оролдовч үл бүтнэ. Энэ дэлхийн хэдэн зуун мянган радио хүлээн авагчаар «Яах вэ? Хаашаа явах вэ? Бид тийм уртраг, тийм өргөрөгт байна. Тушаал хүлээж байна» гэсэн Зоягийн дуу хадна.
Энэ радио долгионыг хүлээн авсан далайн усан онгоцнууд «далайн аянга» гэгдэх «Аризона» дахин гарч ирсэн тэр аймшигт газраас холуурхан явахыг хичээж чиглэлээ өөрчнлнө.

119

Шатаж буй нефтийн утаа Алтан арлыг бүрхжээ. Шуурганы дараа тэнгэр цэлмэж, үүлгүй тунгалаг агаарт хар утаа олгойдон далайн дөлгөөн мандалд хэдэн километрийн цаана утааны сүүдэр тусна.
Арал сөнөсөн мэт чимээгүй, гагцхүү уурхайн зүгээс дамжуулга шана ганууд чахрах чимээ тасралтгүй сонсдоно.
Гэнэт чимээгүйн дунд хөгжим хангинаж, ёслолын марш тайван дуурсав. Утаан хөшигний цаанаас хоёр зуун хүний их жагсаалыг харж болох байлаа. Тэд дээгүүр харан алхах бөгөөд харц нь ширүүн, царай иь зоримог ажээ. Их жагсаалын эхэнд дөрвөн хүн улаан тугаар бүтээсэн нэг зүйлийг мөрлөн дамжилж явна. Тэд явсаар их гиперболоидын сараалжин цамхаг сүндэрлэн буй хадан дээр гарч цамхгийн ёроолд нөгөө бүтээлэгтэй юмаа буулгав.
Энэ бол Иван Гусевын шарнл байлаа. Тэрбээр өчигдөр «Аризонатай» тулалдах үед амь үрэгджээ. Цамхгийн гадна талын сараалжин бэхэлгээгээр дамжин муур шиг авирч гараад их гиперболоидыг асаан аварга долгисын дунд «Аризоныг» тэмтрэн эрж байтал «Аризоны» тасам туяа арал дээгүүр бүжиглэж, барилга байгууламжийг шатаан дэнлүүний багана, мод таримлыг хяргасаар байлаа. Иван «Хорт могой» хэмээн харааж бичиг үсэг сурах хичээл Тарашкинтай хийхдээ хэлээ булталзуулан бичиж байгаа зүйлдээ «тусалдаг» шигээ аппаратын овоо харааг тааруулах гэж бас л хэлээрээ «туслан» мэрийж байлаа.
Тасам туяа «Аризона» нэгэнт барьж авчихаад хойно урд нь туяагаар цохин өнцгөө багасгахад дэлбэрсэн агуулахын утаа баахан саад болжээ. «Аризоны» туяа гэнэт нүд гялбуулсан хурц гэрэл болж энэ галт могой Иваны нүд рүү хатгах шиг болов. Тасам туяанд нэвт харвуулсан тэрбээр их гиперболоидын гэрийг дэрлэн унажээ...
- Ванюша минь, тайван нойрс доо. Чи баатрын ёсоор амь үрэгдлээ хэмээн Шельга өгүүлэв. Тэгээд Иваны шарилын өмнө өвдөг сөхөрч бүтээсэн тугийн сэжүүр сөхөн жаал хүүг духан дээр нь үнслээ.
Үлээвэр хөгжим эгшиглэж хоёр зуун хүний хоолой «Интернационалыг» дуулав.
Удсан ч үгүй хар утаанаас сугаран гарч хоёр моторт агаарын хүчирхэг хөлөг онгоц хөөрлөө. Өндрөө авангуут баруун зүгийг барин оджээ...

120

- Таны бүх тушаалыг биелүүлсээн, ноён захирагч...
Гарин гарах хаалгыг цоожилж орхиод номын шүүгээнд дөхөн ирж баруун талд нь гараараа тэмтрэв.
Нарийн бичгийн дарга инээмсэглэж:
- Нууц хаалганы товчлуур зүүн талд нь байгаа, ноён захирагч гэхэд Гарин түүн рүү аягүйцсэн харцаар гялсхийн харав. Товчлуур дарахад номын шүүгээ чимээгүй гулсан зайлж ордны нууц өрөөнд орох явцуу хаалга гарч ирлээ.
Гарин нарнйн бичгийн даргыг түрүүлэн орохыг урьж:
— Алив хэмээн дохиход цаадахын нь царай цайгаад явчихлаа. Гарин хөлдүү эелдэг царай гарган тасам туяаны гар буу духанд нь чиглүүлэн,— Ноён нарийн бичгийн дарга, тушаал дагах нь өлзийтэй бус уу гэв...

121

Ахмадын өрөөний хаалга нээлттэй, орон дээр Янсен хэвтэнэ.
Хөлөг онгоц дөнгөж дангаж урагшилна. Онгоцны хана балбан далайн давалгаа шуугина.
Янсены хүсэл биелж, тэрбээр одоо дахиад далайд Ламоль хатагтайтай цуг байна. Тэр үхнэ гэдгээ мэдэж байлаа. Хэд хоног үхэлтэй тэмцсэн боловч гэдсээрээ нэвт буудуулсан шарх, эвлэрэхээс аргагүйд хүргэв. Алсын оддын зүг мөнхийн агаар урсан орж ирэх онгорхой хаалгаар ширтэнэ.
Гаднаас од халхалсаар Ламоль хатагтай орж ирээд дээр нь тонгойн шивнэж биеийг нь асуулаа. Янсен зовхиныхоо хөдөлгөөнөөр хариулж, хатагтай ч «Чамтай цуг байгаадаа азтай жаргалтай байна» гэж хэлэх гэсэн үгийг нь ойлголоо. Хэд хэдэн удаа амьсгаа давхцан цээж нь оволзон чичвэгнэж ирэхэд Зоя орны урд суугаад хөдлөхгүй болов. Түүний толгойд уйтай бодол тэнүүчлэн байснаас зайлахгүй.
— Найз минь, цорын ганц найз минь, энэ ертөнц дээр ганц та л надад хайртай байсан. Ганцхан танд л би үнэтэй хүндтэй байсан. Та байхгүй болно... Ямар хүйтэн, яасан цэвдэг хорвоо вэ!.. гэж хатагтайг зөөлөн гаслахад Янсен үг хэлсэнгүй, гагцхүү зовхиныхоо хөдөлгөөнөөр нээрээ л хүйтэн цэвдэг болж
байна гэдгийг батлах мэт болов. Түүний хамар хавшийж, завьжинд нь ядрангуй инээмсэглэл царцахыг хатагтай олж харлаа. Саяхан л улаа бутарч байсан царай нь гурил түрхсэн мэт болжээ. Хатагтай зөндөөн удаан хүлээж сууснаа гарт нь уруулаараа хүрэв. Янсен амьд байжээ. Нүдээ шальгүй нээж уруулаа хөдөлгөв. Уруулынх нь хөдөлгөөнөөр «Сайхан байна...» гэж хэлэв үү дээ хэмээн Зояд санагджээ.
Тэгснээ царай нь хувирав. Хатагтай эргэж хөх хөшгийг болгоомжтойхон татлаа.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 5:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
122

Нарийн бичгийн дарга Нэгдсэн Улсын хамгийн хээнцэр тэр хүн хөшсөн хуруугаараа хивснээс зууран түрүүлгээ хараад хэвтэж байлаа. Тэрбээр хоромхон зуур, дуу ч гарч амжилгүй цааш харжээ. Гарин чичирсэн уруулаа хазаж, тасам туяаныхаа гар бууг халаасандаа яаралгүй хнйлээ. Тэгснээ намхан ган хаалганд очиж зэс дугуй дээр зөвхөн өөрөө мэдэх тооны бүрдэл эргүүлэхэд хаалга онгойв. Явсаар цонхгүй төмөр бетон өрөөнд орлоо.
Энэ бол эзэн захирагчийн хувийн төмөр авдар бөлгөө. Энд тэрбээр алт, бичиг цаасны оронд түүний хувьд илүү их үнэтэй зүйл болох Европоос авчирч эхлээд Алтан арал, дараа нь энд нууцлан хадгалж байсан гуравдагч хуурамч Гарин байлаа. Энэ бол оросын цагаач барон Корф хэмээгч асар их мөнгөөр өөрийгөө худалдсан этгээд байв.
Мань эр савхин бүрээстэй зөөлөн буйданд суугаад алтадсан бяцхан ширээн дээр хөлөө тавьжээ. Тэр ширээн дээр нь ваар савтай жимс, амттан өрөөстэй үзэгдэнэ. (Архи уухыг түүнд зөвшөөрдөггүй байв.) Шалан дээгүүр нь английн адал явдалт романууд хөглөрөн хэвтэнэ. Барон Корф уйдсандаа өөрөөс нь гурван метрийн зайд байгаа телевизорын дугуй дэлгэц рүү идэж байгаа интоорынхоо ясыг нулимна.
Тэрбээр Гарин руу залхуутай эргэж:
- За ашгүй дээ. Ингээд нэг ирдэг юм байж. Чөтгөр ав гэж, та чинь хаашаа алга болчихдог хүн бэ?.. Нөхөр минь, намайг энэ зоориндоо хэр удаан борцлох санаатай байна вэ? Дахиад сунгах гэвэл чадахгүй шүү, Паристаа өлсөж явах минь...
Гарин хариу хэлэхийн оронд өөрийн биенээс туузаа хуулан, ёслолын одон тэмдэгтэй фракаа тайлж өөдөөс нь шидээд:
— Өмс! гэлээ.
— Яах юм бэ? гэж цаадахыгаа гайхан сонирхон асуухад,
— Алив өөрийнхөө хувцсыг тайлаад аль.
— Юу болж байнаа?
—■ Бас паспорт, бүх бичиг баримт... Таны сахлын хутга хаа байна? гэснээ Гарин нүүр заслалын ширээнд сууж, хацраа савандаагүйгээс хорсон өвдөхөд нь ярвайн ярвайн хамаг сахлаа хусаж хаяв.
— Энүүхэндээ гэж хэлэхэд хажуугийн өрөөнд нэг хүн хэвтэж байгаа. Энэ таны хувийн нарийн бичгийн дарга шүү, ойлгоо. Түүнийг асууж сураглавал нууц даалгавартай хол газар явуулчихсан гэнэ биз... Ойлгомжтой уу?
Барон Корф Гарины шидсэн өмдийг тосон барьж авах зуур:
- Юу болоод байгаа юм бэ? Хүн асууж байна шүү дээ хэмээн хашгирна.
- Би эндээс нууц хаалгаар цэцэрлэг рүү гарч машиндаа хүрнэ. Та нарийн бичгийн даргаа камни зууханд нуугаад миний албан тасалгаанд орно биз. Оронгуут Роллингийг утсаар яаралтай дуудаарай, миний дарангуйлан захирах механизмыг сайн судалсан гэдэгт би итгэж байна. Би тэгээд миний нэгдүгээр орлогч нууц цагдаагийн газрын дарга, дараа нь хоёрдугаар орлогч суртлын хэлтсийн дарга, удаад нь гуравдугаар орлогч хагалан бутаргах хэлтсийн дарга, дараа нь Роллинг удирдсан гурван зуугийн нууц зөвлөх байна. Та бүр маларч тэнэглэчихээгүй бол энэ бүхнийг тодорхой сайн цээжилсэн байх учиртай... Өмдөө тайлаад өгөөч дээ, чөтгөр ав!.. Роллингтой утсаар ярихдаа би өөрөөр хэлбэл Пьер Гарин цэрэг цагдаагийн захиргааг гартаа авлаа гээрэй. Танд жинхэнэ ёсоор үзэлцэх хэрэг гарна даа, хонгор минь...
- Хэрэв Роллинг дуугаар минь таниад таныг биш, намайг байна гэж мэдвэл яах юм болж байна..
- За за! Эцсийн эцэст эзэн захирагч л байвал хэн байх нь тэдэнд падгүй...
- Байзаарай, байзаарай, тэгэхлээр энэ мөчөөс эхлээд би Пётр Петрович Гарин болж хувирав аа даа?
- Амжилт хүсье. Эрх засаг гэж юу байдгийг мэдэж санаагаа ханга. Бүх заавар бичгийн ширээн дээр байгаа... Би алга боллоо...
Гарин түрүүний толинд хараад өөрөө өөртөө ирмэсэн шигээ хуурамч дүрдээ бас тэгж ирмээд хаалганы цаагуур далд оржээ.

123

Гарин ганцаархнаа битүү машинд суугаад хотын төв гудамжаар хурдалж явахдаа цагаа олж хөлөө зайлууллаа гэдэгтээ эргэлзэхгүйгээр болов. Ажилчдын район, хотын захаас зуун зуун мянган хүмүүс түрхрэн босож хааяа зарим газар хувьсгалын тугийн улаан өнгө нүдэнд тусна... Гудамж хөндлөн онхолдуулсан автобус, цонхоор шидсэн модон эдлэл, хаалга, дэнлүүний багана, ширмэн сараалжаар хаалт халхавч босгожээ.
Ажилчид сайтар зэвсэглэснийг Гарины туршлагатай нүд олж харлаа. Олны дундуур туучин яваа ачааны машин дээр пулемёт, гар бөмбөг, винтов ачиж яваа үзэгдэнэ. Энэ бол Шельгагийн ажил аргагүй мөн байлаа...
Хэдхэн цагийн өмнөсөн бол Гарин цэрэг дайчдыг боссон олон руу итгэлтэй турхирах байсан. Гэтэл одоо тэрбээр гагцхүү машиныхаа хурд нэмэгчийг ууртай гишгэж «Эзэн захирагч сөнөтүгэй. Гурван зуугийн зөвлөл сөнөтүгэй!» гэж харааж зүхсэн олны дундуур зүтгэж явна.
Гиперболоид Шельгагийн гарт байлаа. Энэ тухай босогчид мэдэж, гайхуулан хашгирч явна. Удирдаач хүн баатарлаг симфони дохихын адил Шельга хувьсгалыг удирдаж байв.
Алт худалдаалах үед Гарины тушаалаар тавьсан чанга яригчид эдүгээ түүний эсрэг ажиллаж, бүгдийг хамарсан бослогын тухай даян дэлхийд зарлаж байна.
Хуурамч Гарин санасныг бодвол зоримог хөдөлж, ганц нэгэн амжилтыг олж байлаа. Түүний шилмэл цэргүүд хаалт халхавч руу дайрч цагдаа нар нисэх онгоцоор хийн бөмбөг хаяна. Морьт хороо гудамжин дахь хүмүүсийг илдээр цавчин элдэж, тусгай хэсгийнхэн хаалганы цоож эвдэж. ажилчдын орон байраар орон устгал хийж байлаа.
Гэвч босогчид шаргуу үзэлцэж бусад хотууд, үйлдвэрийн төвүүд бослогод нэгдэн, үд гэхэд орон даяар бослогын гал дүрэлзэх болов...
Гарин машиныхаа арван зургаан цилиндрийн бүх хурдыг шавхаж явна. Захын хотуудын гудамжаар галзуу юм шиг өнгөрч гахай, нохой, тахиаг хэмх дайран өнгөрнө. Зарим нэг явган зорчигч тоос дарсан энэ аварга хар машиныг нүдэндээ сайтар харж амжилгүй алдаж байв...
Бензин авах, радиаторт ус хийх гэж л хэдэн минут зогсоно уу гэхээс өөр сааталгүй бүтэн шөнө довтолгов.
Өглөө нь болоход эзэн захирагчийн засаг унаагүй л байлаа. Термитэн бөмбөгөнд хот хайлан, гудамжаар тавин мянга шахам хүний хүүр хөглөрнө. Буудал дээр энэ мэдээг чанга яригч сөөнгөтөн хэлэхийг сонсоод тэрбээр өөртөө «Барон минь, чи харав уу?» хэмээн инээд алдав.
Маргааш нь өглөөний таван цагт мань хүний машиныг бууджээ...
Долоон цагт ямар нэг хотын хажуугаар давхин өнгөрөхдөө тэрбээр хувьсгалын далбаа, дуулж яваа хүмүүсийг харжээ...
Тэрбээр хоёр дахь шөнийн турш баруун зүг, Номхон далай руу зогсолтгүй давхив. Үүрээр бензин авч зогсохдоо чанга яригчийн хар багалзуураар Шельгагийн танил дуу сонсдон:
— Ялалт, ялалт... Нөхдөө, миний гарт хувьсгалын аймшигт зэвсэг — гиперболоид байна... хэмээн зарлаж байлаа.
Гарин гүйцэд сонссон ч үгүй, шүдээ зуун хавираад цааш хурдлав. Өглөөний арван цагт замын хажууд том модон самбар дээр бичсэн анхны зарлал харсан нь:
«Нөхдөө... Эзэн захирагч амьдаар баригдав. Гэхдээ энэ эзэн захирагч бол хуурамч Гарин байлаа. Пётр Гарин бултжээ. Тэр баруун зүгт оргосон... Нөхдөө, сэрэмж гаргаж, захирагчийн машиныг баривчлагтун... (Шинж тэмдгийг бичжээ...) Гарин хувьсгалт шүүхээс оргон зайлах учиргүй...» гэжээ.
Үдийн хэрд Гарин араасаа хөөж яваа мотоциклыг олж харав. Тэрбээр буун дуу сонсоогүй боловч толгойноос нь төө хүрэхгүй зайтай газар шил цоорон хагарч нүх гарахыг үзээд шилэн хүзүү рүү нь хүйт оргих мэт болов. Тэгээд байдаг хурдаараа явсаар нэгэн толгой ороон модтой уул руу эргэв Цагийн дараа хавцалд орж ирлээ. Мотор татгалзаж байснаа бөглөрч унтрав. Гарин үсэрч гараад жолоогоо эргүүлэн хавцал руу машинаа өнхрүүлчихээд өөрөө хөлөө арай ядан зөөж нарсан төгөл өөд өгсөв.
Замаар гурван мотоцикл давхин ирж байлаа. Сүүлчийнх нь зогсоод бүсэлхийгээ хүртэл цээжээ нүцгэлсэн зэвсэгтэй хүн хавцал руу өнгиийн, эзэн захирагчийн машин хэмх унаад хэвтэж байгааг харж зогсохыг тэрбээр дээрээс нь нэгд нэгэнгуй ажиглаж байлаа.
Пётр Петрович ойд ороод өмд, дотуур дан цамц хоёроос бусад бүх хувцсаа тайлж хаяад, гутлынхаа ширийг зүсэж ураад төмөр замын дөт буудал руу явган мацлаа.
Ийнхүү дөрөв дэх хоног дээрээ Лос-Анжелосын ойролцоо далайн захын нэгэн бөглүү хотхонд хүрч буудал дээр бэлэн уяатай байсан дирижабльтайгаа учирсан байна.

124

Үүрийн туяа үүлгүй тэнгэрийг сүлж, далай дээр улаан ягаан уур дэгдэнэ. Гарин дирнжаблийн бүхээг дээгүүр тэгнэн дурандаж тэртээ дор хөвөн яваа хөлөг онгоцны урт нарийхан биеийг арай ядан олж харав. Наад талаар нь үүл манан хөвөвч гялтганах далайн толин мандал дээр хөлөг онгоц зүүрмэглэх мэт тайван хөвнө.
Дирижабль доошилж эхэллээ. Хурц наранд гялтганан гялалзах түүнийг хөлөг онгоцноос ч бас ажиглаж, далбаа өргөв. Дирижаблийн бүхээг усны гадарга дээр шүргэхэд хөлөг онгоцноос завь тасран тосож ирэв. Залуур дээр Зоя суужээ. Гарин түүнийг арай гэж л танилаа. Тэгтлээ царай алджээ. Тэрбээр инээмсэглэсээр завинд үсрэн орж, юу ч болоогүй юм шиг Зоятай зэрэгцэн суугаад гарыг нь илэн:
- Чамтай учирсандаа баяртай байна. Бүү гунь, өөдөсхөн минь. Нэг алдлаа, гайгүй ч хэвтэнэ. Дахиад л шинэ хэрэг мандаана даа... - Чи юундаа уруу царайлна вэ?
Зоя түүний царайг харахгүйн тулд хөмсөг зангидан цааш эргэж:
- Би дөнгөж сая Янсеныг оршуулав. Би цөхөрч гүйцлээ. Одоо надад яасан ч, ямар ч ялгаа алга.
Тэнгэрийн хаяанаас наран дээшилж, асар том улаан бөмбөлөг хөх далайн элчилгүй мандал дээгүүр хөөрөхөд манан хий үзэгдэл адил замхран арилав.
Нарлаг зам сунайж, далайн толигор усан дээр «Аризона» хөлгийн гурван налуу шураг, сараалжин цамхагтай дүрс сүүдэртэн тусна.
— Усанд орж, өглөөний зоог бариад унтах минь! гэж Гарин хэллээ.

125

«Аризона» Алтан арал руу эргэлээ. Гарин босогчдын төв зүрхэнд цохилт өгч их гиперболоид, уурхай хоёрыг эзэлж авахаар шийджээ.
Хөлөг онгоцны шургуудыг цавчиж огтолсон байх бөгөөд гиперболоидын цамхгуудыг дарвуул банзаар бүтээн далдлан дүрсийг нь танигдахгүй болтол өөрчилж, тэгснээрээ Алтан аралд мэдэгдэлгүй ойртон очихыг бодсон байна.
Гарин өөртөө итгэлтэй, зоримог шийдэмгий, хөгжилтэй байлаа. Сайхан ааш нь эргэж иржээ.
Маргааш өглөө Янсеныг нас барахад командыг гартаа авсан ахмадын туслах сэмжин үүлсийн зүг түгшин заажээ. Тэр үүл далайн дорнод хаяанаас яах ийхийн завгүй хөөрч арван километр дэгдэн тэнгэрийг нэлд нь бүрхэв. Далайн шуурга ойртож байв. Хар салхи тайфун ч байж магадгүй ажээ.
Гэтэл Гарин өөрийн бодол төлөвлөгөөнд автан ахмадын үгийг юман чинээнд санасангүй.
— Тайфун байвал байгаа л бнз нохой долоомор. Хурдаа нэмээд л болоо биз... гэлээ.
Ахмад дорхиноо хуралдан бүрхэх үүлийг дүнсийн ширтэж, нээлхийг бөглөх, давцан дээр завь уях зэрэг урсчих гулгачих бүхнийг уяж бэхлэв.
Далай дүнсийнэ. Үес үес салхи нисэн ирж сүрдүүлэх исгэрэлтээр далайчдад аюул ойртсоныг сануулна. Хар салхины мэдээч болсон өндөр сэмжин үүлний оронд бөөн бөөн үүлс доогуур мөлхөн ирэх болов. Салхи далайг улам хүчтэй сандааж, аварга том давалгаа өнхчүүлэн сандуу мэндүү гүйлдэж енгөрнө.
Тэгснээ дорно зүгээс голд нь тугалга цутгасан юм шиг хүнд хар үүл хар ямаан дах шиг нэвсийж ирэв. Салхины урсгал уурсан догширч, долгис онгоцны ханан дээгүүр даван шилбүүрдэх болов. Давалгаа ар араасаа өнхрөн явахаа больж бөөн бөөн ус дээш тасран хөөрөөд далай хахаж цацах мэт болно.
Гарин Зоя хоёрт ахмад хандан:
— Доошоо орцгоо. Арван таван мннутын дараа бид тайфуны төвд орно мотор биднийг аварч чадахгүй гэлээ.
Хар салхи «Аризона» руу арван нэгэн баллын бүх хүчээрээ довтлов. Хөлөг онгоц хүрхрэн орилон хоёр бөөрөөрөө ээлжлэн хэрсэнгээ ил гартал шидэгдэн, жолоо сэнс хоёр ямар ч үүрэг гүйцэтгэж чадахыг болиод улам бүр хумигдах зргүүлэгт орон тайфуны төв рүү хурдлах нь тэр. Тайфуны төвийг усан цэргүүд «цонх» гэх нь ч буй.
Тайфуны эргэлтийн төв болох «цонх» нь таван километр хүртэл голчтой зай байх бөгөөд арван хоёр баллын хүчтэй салхи «цонхыг» тойрон тал бүрээс үлээж, хүчээ энд төвлөрүүлдэг ажээ.
Тийм «цонх» руу л «Аризона» хэмээх өчүүхэн энэ өндөгний хальс шиг онгоц хөтлөгдөн оджээ.
Хар үүлс онгоцны давцан шүргэж нүүнэ. Шөнө мэт харанхуй болов. Онгоцны бөөр шажигнан ангалзана. Хүмүүс шидэгдэхгүйн тулд юу тааралдсанаасаа зуурна. Ахмад өөрийгөө бүхээгийн хашлагаас барьж хүлэхийг тушаажээ.
«Аризоныг» усан уулын далан дээр гаргаж бөөрөөр нь тавьснаа буцаагаад эргүүлэг рүү шидэж орхив. Гэнэт нар хурцаар гялсхийж, шингэн шил шиг гялалзсан ногоон усан хана арван давхар байшингийн хана мэт өндөрлөн цорвойж ирээд далайн хаан Нептун уурлан галзуурч алга хавсрав уу гэмээр хүчит үертэй мөргөлдөнө...
Энэ «цонх» нь тайфуны хамгийн аюултай хэсэг билээ. Энд агаарын урсгал эгц дээшээ чиглэж усны уурыг арван километрийн өндөрт хөөргөн авчраад сэмжин үүл буюу хар салхины элч болгон тавьж байгаа юм.
«Аризона» дээр байсан бүхнийг далайд үйжээ. Завинууд, гиперболоидын сараалжин хоёр цамхаг, яндан, ахмадын бүхээг ахмадтайгаа алга болжээ...
Харанхуй, эргэлдсэн усан шуурга хоёроор бүслэгдсэн энэ цонх «Аризоныг» аварга хүчээр нудчин өнхрүүлсээр далай дээгүүр чирч явна.
Мотор шатаж, жолоо мултран унажээ.
Би үүнээс илүү тэсэж чадахгүй нь хэмээн Зоя гонгиноно.
Энэ бүгд хэзээ нэгэн цагт дуусах л учиртай... Өө чөтгөр! гэж Гарин сөөнгөтөн хэлэв.
Тэд хоёулаа хана мөргөж, өрөөний тавилга хэрэгсэлд цохиулсаар туйлдаж гүйцсэн байлаа. Гарин духаа тас цохиулжээ. Зоя өрөөний шалан дээр хэвтээд хөдөлгөөнгүй бэхэлсэн орны хөлөөс зуурсан байв. Шалан дээгүүр хүмүүстэй зэрэгцээд чемоданууд. шүүгээнээс унасан ном, жинтүү, аврах бүс, зүрж, хагарсан аяга сав гулган холхин мөргөлдөнө.
- Гарин, би чадашгүй нь, намайг далайд хая...
Аймшигт түлхэлтээс Зоя барьж байсан орныхоо хөлийг алдаад гулсав.
Гарин дээгүүр нь нисэж очоод хаалга мөргөлөө...
Мод хугарах чимээ гарч, алгадан гуядах их усны цалгиа, хүний ёолох дуу, онгоцны өрөө тасалгаа дэлбэ үсэрчээ. Усны хүчтэй урсгал хоёр хүнийг хамж аваачаал, буцлан бургилах хүйтэн ногоон эргүүлэг рүү шидэж орхив...
Гариныг нүдээ нээхэд түүний хамраас арваадхан сантиметрийн зайтай нэгэн жижигхэн хясаа зогсоод хагас бие нь дун гэртээ орчихсон, сахлаа гайхшран хөдөлгөж нүдээ бүлтийлгэн зогсоно. Гарин их л хүч гарган байж «Тиймээ, би амьд байна...» хэмээн ойлгов. Гэвч удтал босож чадсангүй, тийм тэнхэл алга байлаа. Тэрбээр элсэн дээр хажуугаараа хэвтэнэ. Баруун гар нь бэртжээ. Өвдсөнөөс ярвайн байж юу ч л гэсэн хөлөө нугалж авчраад өндийн суув.
Нарийн говор нь нахийсан дал мод ойрхон харагдах бөгөөд цэнгэг салхи навчсыг нь чичиргэнэ... Гарин босоод, гуйван дайван алхаж үзлээ. Хаашаа ч харсан эргэн тойрон, наранд гийсэн ногоон хөх долгис гүйлдэн ирж намхан эрэгт тулаад чимээ гаран бутарч байна... Хэдэн арван дал мод дэвүүр мэт өргөн далбагар навчсаа салхинд дэрвүүлнэ. Элсэн дээр модны хугархай, хайрцаг сав, даавууны өөдөс, олсны тасархай энд тэндгүй хөглөрөх нь шүрэн арлын хад мөргөж бут үсэрсэн «Аризонаас» үлдсэн юм нь л энэ байлаа.
Гарин хазганан явсаар арлын гүн рүү орон намхан бут, хурц ногоон өвс ногоо ургасан өндөрлөг дээр гарвал тэнд Зоя гараа алдлан дээш харан хэвтэж байлаа. Гарин дээр нь тонгойн сууж, үхлийн хүйтнийг мэдрэхгүйн тулд биенд нь хүрэхээс айн суутал Зоя амьд байжээ. Аньсага зовхи нь чичигнэн омголтсон уруулаа нээв.
Шүрэн арал дээр борооны усны жижигхэн нуур тогтсон байх бөгөөд гашуухан боловч ууж болмоор ажээ. Хайр дээр дун, хавч, шүрэн наалдаахай гээд л хэзээ нэгэн цагт балар эртний хүмүүсийн хоол болж байсан зүйлс элбэг дэлбэг. Дал модны навчис хувцсыг орлож, жин үдийн наранд сүүдэр болно.
Шороон дээр улаан нүцгэн хаягдсан хоёр хүн яаж ийгээд л амьдарч болохоор байв... Тэгээд ч тэр хоёр Номхон далайн хөлгүй дайд алслагдсан энэ нэгэн бяцхан арал дээр амьдрах болов. Хажуугаар хөлөг онгоц өнгөрч тэднийг хараад авна гэх найдвар ч огт алга байлаа.
Гарин дун, хавч түүж, эсвэл цэнгэг нуурын загасыг цамцаараа шүүрдэн барина. Зоя «Аризона» хөлгөөс хаягдсан нэгэн хайрцаг дотроос Алтан арлын орд харш, цэнгээний газруудын төсөл зураг бүхий гоёмсог хэвлэсэн тавин ширхэг ном олжээ. Тэнд бас ертөнцийн хатан хаан Ламоль хатагтайн ордны ёс горимыг тогтоосон хууль дурэм байлаа...
Зоя дал модны навчсаар бүрж хийсэн овоохойн сүүдэрт өөрийнх нь барагдашгүй уран зөгнөлөөр бүтсэн энэ номын хуудаснуудыг өдөржин эргүүлж суудаг байв. Алт болон торгон илгээр хавтасласан бусад дөчин есөн хувийг нь Гарин салхинаас хамгаалах хороо болгон ашиглажээ.
Гарин Зоя хоёр юм ярьдаггүй байв. Ярьж яах ч юм билээ? Юу ч ярих юм билээ? Тэр хоёр бүх амьдралаараа ганцаардмал хүмүүс байж, одоо бүр эцэст нь жинхэнэ бүрэн дүүрэн ганцаардлыг олж авав.
Тэд сар өдрийн тоо алдаад сүүлдээ бүр тоолох гэж оролдохоо ч болилоо. Арал дээр бороо ороход нуур нь цэнгэг усаар дүүрэх бөгөөд олон хоног сараар хургүй байж нар шарвал өмхий шалбааг уухад хурнэ...
Гарин Зоя хоёр өнөөдөр ч гэсэн мөнөөх л бяцхан арал дээрээ нальхан хорхой, хясаа түүж идсээр байгаа биз ээ. Зоя цадталаа идэж аваад гоёмсог багана, алаг цэцэгсийн дунд өөрийнх нь гайхамшигт сайхан гантиг хөшөө сундэрлэн буй тэр орд харшийн төсөл зурагтай номоо дэлгэн үзэж гарна. Гарин элсэнд хамраа хатган, онгож гандсан хүрмээ нөмрөөд хурхирч өгнө. Тэгж байхдаа бас л янз бүрийн гайхамшигтай түүх, адал балмад явдал зүүдлэн жаргадаг байлгүй дээ.


_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 5:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
За ингээд Төгсөв гэж. Гоё ном өгсөн Цаганакулдаа баярлалаа. Нөгөө 2 номыг шинэ жилийн дараа пдф болгоё болох уу?

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.23.16 7:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
тэг тэг баярлаллаа


Top
   
PostPosted: Dec.24.16 1:49 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3662
Location: Ирмэг
Баярлалаа :)

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Dec.26.16 5:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
юу яах гэсэн чинь шинэ жил гэж гай зав үрээд байхын


Top
   
PostPosted: Jan.13.17 7:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
American Gods

5 part 20+1 chapter


Top
   
PostPosted: Mar.17.17 5:54 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
нэгдүгээр бүлэг
сүүдэр
нэгдүгээр хэсэг
Сүүдэр шоронд гурван жил суужээ. хангалттай биерхүү, намайг оролдоод үзээрэй гэсэн төрхтэй учир гол асуудал нь цаг хороох байлаа. тиймээс галбираа хадгалж, зоосны илбээр хичээллэж, эхнэрээ хэрхэн шаах талаар голчлон бодож өнгөрөөжээ.
Сүүдрийн үзлээр, магадгүй хамгийн шилдэг зүйл бол шоронд тайвшрал мэдрэх юм.


Top
   
PostPosted: Mar.17.17 6:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 836
за тэгээд архи уугаад хамаг цагаа үрээд байна аа. ямар ч байсан энэ зохиолыг дуусгана. инженер гариныг дуусгасан нөхөрт баярлаллаа. өөр 2 номыг скандаад өгөөрэй, хүн бэлэглэсэн болохоор ядаж jpeg файл болгох хэрэгтэй байна. спецназ зохиолыг 6 сараас өмнө дуусгана.
архичин болохоор тэгээд цаг ашиглалт их муу байна. энэ америк бурхад 5 сарын яг урд өдөр кино болж гарах юм гэсэн. ер нь бол дажгүй зохиолч гээд сонгоод орчуулга хийнэ /муу л байх биз, гэхдээ яахав ккк/. сүүлд скандинов хавийн домгоор бүтээл гаргасан байсан.
за тэгээд гол нь алкаш хүний орчуулга болохоор удах, тасрах асуудал гарна, болж өгвөл хэн ч битгий уншаарай,


Top
   
PostPosted: Mar.18.17 12:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6068
Location: Энд
Тэгнээ жоохон л хүлээгээрэй. Ойрд тэгээл замарсаар бтал дууслаа. Удахгүй бөөн зав болно тэхээрээ л :s1: :morgoh: :morgoh: :morgoh:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 88 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited